Categories
мэдээ цаг-үе

Төрөө түшилцэж, түмэндээ хүндлэгдсэн С.Ламбаагийнх

“Танайд өнжье” булангаа Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд асан Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Самбуугийн Ламбаагийнхаас бэлтгэлээ. Энэ эрхэм улсын Хоёрдугаар төв эмнэлгийн хажуухан дахь орон сууцанд эхнэрийн хамт амьдардаг юм байна. Зээ нар нь ирж өвөө, эмээгийн нар нь гарсан өдөр бид зочилж таарав. С.Ламбаа гуай “Би Баянзүрх дүүрэгтээ л амьдрах дуртай хүн. Юун Зайсан майсан. “Дассан газрын даавуу зөөлөн” гэгчээр эндээ л байхыг илүүд үздэг” хэмээсээр бидэнтэй халуун дулаан яриа өрнүүлсэн юм. Тэрээр Хануй, Тамирын голд шумбаж өссөн, арын сайхан хангайн хөвүүн. Нутаг ус гэхээр л хүмүүсийн нүд сэргэж, магтах үгээ олж яддаг нь үнэн. Түүний хувьд ч “Миний нутаг ч сайхан хангай шүү” хэмээн шүүрс алдан суух аж. С.Ламбаа гуай Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн “Их цагаан чулуут “гэдэг газар төржээ. Аав Будын Самбуу гуай яг л энэ нутаг усны хүн. Тэрээр Ховдын хязгаарт таван жил цэргийн алба хааж, тэндээ бичиг үсэг сурч, нутагтаа ирээд багийн дарга, агентын албыг хашиж явж. Улмаар илгээлтээр Их тамир суманд ирж, хөрөө рамд мод зүсэгч, мужаанаар ажиллажээ. Тэгэхэд С.Ламбаа гуай тав, зургаан настай л байж. Харин найман нас хүрээд улаан таван хошуу хадсан хүрэн даалимбан цүнхэнд ном, дэвтрээ хийж үүрээд Их тамир сумын сургуульд орсон гэнэ. Тэрээр “Их тамирын бага сургууль гэж хоёрхон шавар байшин, хэдэн бор гэр л байсан санагдаж байна.

Манайх сумаас зайдуухан бууж хэдэн малаа малладаг байв. Ээж минь сааль сүүгээ бэлдэх, үр хүүхдээ өсгөх гээд их ажлыг нугална. Ажилч, хичээнгүй, гайхалтай сайхан хүн байсан” хэмээн дурсав. Тэрээр эхээс наймуулаа, хоёр охин дүүтэй, айлын бага хүү юм. Түүний хувьд Их тамир суманд наймдугаар ангиа төгсөж Цэцэрлэг хотын арван жилийн сургуулийг дүүргэж, 1968 онд Монгол Улсын их сургуулийн Инженер, эдийн засгийн факультетийн авто тээврийн инженер, эдийн засгийн ангид оюутан болсон түүхтэй. 1969 оны намар урд хилийн асуудал хүнд байсан учир төрийн бодлогоор их, дээд сургуулийн оюутнуудаас цэрэгт татахад С.Ламбаа гуай ч энэ бодлого шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээж цэрэгт мордон Дорнодын 06 дугаар ангид алба хаажээ. Боловсролтой залуус цэрэгт очоод бичиг үсэггүй цэргүүдэд бичиг, үсэг заан чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Штабын бичээчээс жагсаалын дарга хүртэл дэвшиж явсан нь С.Ламбаа гуайн залуу насанд үлдсэн сайхан дурсамжуудын нэг гэсэн.

Тэрээр 1972 онд цэргээс халагдаж ирээд шууд оюутны байранд төвхнөж, энэ л байранд эхнэртэйгээ танилцаж байжээ. Эхнэр Д.Гүнжээ нь тэр жил МУИС-ийн Аж үйлдвэрийн инженер, эдийн засгийн ангид суралцхаар мөн л Архангайгаас ирсэн байжээ.

Гэрийн эзэн “Миний эхнэр Батцэнгэл сумын “Цагаан чулуут” гэдэг газар төрсөн. Гэтэл миний төрсөн газар бас “Цагаан чулуут” шүү дээ. Хоёулаа “Цагаан чулуут” гэдэг газар төрсөн нь бас л хувь тохиолдол юм даа. Маш гоё санагддаг” гэв. Эднийх Л.Шинэцэцэг, Л.Зулцэцэг гэж хоёр охинтой. Өдгөө дөрвөн зээтэй өнөр гэр бүл болжээ. Том охин Л.Шинэцэцэг нь МУИС-ийг Олон улсын харилцааны мэргэжлээр төгсөөд Япон улсад гадаадын хөрөнгө оруулалтын асуудлаар магистрийн зэрэг хамгаалсан ч Нийгмийн эрүүл мэндийн боловсролын асуудалд голлон анхаарч, сонирхлынхоо дагуу “Шинэ эрүүл амьдрал” сэтгүүлийг эрхлэн гаргажээ. Бага охин Л.Зулцэцэг нь МУИС-ийн Хууль зүйн ухааны сургуулийг төгсөөд УИХ-ын Тамгын газарт референт, ахлах референтээр 14 дэх жилдээ ажиллаж байгаа юм байна. С.Ламбаа гуай “Охинтой хүн хүүтэй гэж үнэн л юм байна. Хоёр охин минь шууд л гурван зээ хүү төрүүлж өгсөн. Том зээ хүү маань хоёрдугаар ангид сурдаг. Хамгийн бага зээ маань охин. Одоо дөнгөж ой гарантай. Гурван хүүгийн дараа зээ охинтой болсон чинь гоё юм байна аа. Өмсөж, зүүснийг нь харахад ч өхөөрдмөөр хөөрхөн, гурван хөвгүүнээс ондоо байх юм” хэмээгээд зээ нараа эрхлүүлнэ. Зээ нар ч өвөө, эмээдээ амь бололтой ээлжилж ирж эрхэлцгээн, үнсүүлэх нь өхөөрдөм. Тэр хэрээрээ ч жаахан хөвгүүд дуулгавартай байх аж.

Гэргий Д.Гүнжээ “Би 1953 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. Архангай аймагт дунд сургуулиа төгсөөд МУИС-ийн аж үйлдвэрийн инженер, эдийн засгийн ангид элсэн орж 1977 онд төгссөн юм. Ажлын гараагаа Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны томилолтоор Арьс ширний үйлдвэрийн нэгдэлд эдийн засагчаар эхлүүлж байлаа. Түүнээс хойш Эрүүл мэндийн яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төвд гучаад жил ажиллаад ханьтайгаа бараг л хамтдаа тэтгэвэртээ гарсан даа. Цаг хугацаа ч үнэхээр хурдан өнгөрч, нэг л мэдэхэд хамтдаа өтөлж байна. Одоо ч зээ нартайгаа бужигнаад суух үнэхээр жаргалтай байна. Эд нар маань ч хааяахан л өвөө, эмээ дээрээ зочилдог юм. Анзаараад байх нь ээ хүн ач, зээ нартаа хүүхдүүдээсээ ч илүү хайртай байдаг гэдэг үнэн юм байна. Бид хоёр ч жаахан оройхон эмээ, өвөө болсныг хэлэх үү. Энэ дөрөвтөө хайртай шүү дээ” гэж байв. Тусдаа гарч, гал голомтоо бадрааж явсан үеийнх нь тухай асуухад “Бид хоёр Дэнжийн мянга дахь халаалттай жижигхэн цагаан байшинд анх гал голомтоо бадрааж байлаа. Тусдаа гарсан талаараа аав, ээждээ хэлэхэд хөдөөнөөс оёдлын машин, цагаан ор хоёр явуулж байсан. Тэндээс л бид хоёрын амьдрал эхэлсэн дээ. Ламбаа сургуулиа төгсөөд их сургуулийн багш болж, бид хоёр Эдийн засгийн сургуулийн зүүн талын оюутны байрны нэг давхарт амьдрах болсон. Энэ байранд их сургуулийн багш нар амьдарч байсан учир “профессоруудын байр” гэдэг байсан юм. 1980 онд нөхөр маань Дээд тусгай дунд техник мэргэжлийн улсын хороонд мэргэжилтэн болсноор хуучин 64 дүгээр дэлгүүрийн урд талд шинээр баригдсан 45 дугаар байранд орж байлаа” хэмээн хуучлав. Мөн тэрээр “Миний хань чинь хүүхдүүддээ сайн аав, хань ижил, ахан дүүстээ түшиг тулгуур нь шүү дээ. Их зөөлөн талдаа, төрийн ажлын төлөө цаг наргүй л зүтгэсэн хүн” гэж тодотгов. Д.Гүнжээ гуайн гарын цайг уунгаа бид ийн хөөрөлдсөн юм. Үр хүүхэд, ач зээтэйгээ жаргаж сууна хэмээн ярих нь хүн аз жаргалыг холоос хайх хэрэггүй гэдгийг батлах шиг нэг л сайхан сонсогдсоныг нуух юун.

Дараа нь бид С.Ламбаа гуайн ажлын өрөөнд орцгоон түүний төдийгөөс өдий хүртэлх хийж бүтээсэн зүйлийн талаар ярилцав. Мэдээж түүний төрд 40 гаруй жил зүтгэхдээ хийж амжуулсан бүхнийг хугас өдөрт багтаан өгүүлнэ гэдэг өрөөсгөл гэдгийг хэлэхэд илүүц биз. С.Ламбаа гуайн ажлын өрөө ном, товхимол, жаазтай зургаар дүүрэн. Харин урд хэсгийн хананд бурхан тахилаа хүндэтгэлтэйгээр залсан байх аж. Мөн “Тоншуул”-ын нөхдийнх нь зурж өгсөн шарж болон “Ээж минь миний бурхан шүү дээ” хэмээх ярилцлагаа жаазлаад өлгөсөн нь нүдэнд тод тусав. Тэрээр “Мэдээж би буддын шашинтай. Эцэг, эхээс өвлөгдөж ирсэн бурхан шашинаа хүндэтгэдэг. Гэхдээ би ээжийгээ л шүтдэг. Ээж минь надад “Олонтойгоо л яваарай. Тэгвэл бүх юм бүтдэг юм шүү” гэж захидаг байсан. Би гэр бүлээсээ ганцаараа их сургууль төгссөн юм. Намайг эрдэм номтой болгох гэж аав, ээж минь маш их бөөцийлсөн дөө. Ямар сайндаа цэргээс ирээд сургуульдаа ороход ээж минь хүргэн ахын машинд гэрээ ачаад хот руу нүүгээд ирэхэв. Том болоод ээжийнхээ дэргэд хэдэн жил болчихоор ээжийн цай, хоолонд орчихдог юм билээ. Миний ханийн аав, ээж их сайхан хүмүүс байсан. Хадам аав маань Луу гүн ноёны удам болохоор ч тэр үү анх очиход хашаа байшин, гэр орон, эдэлж хэрэглэж байгаа зүйлс нь цаанаа л нэг эмх цэгцтэй, цэмцгэр харагдаж билээ. Луу гүн ноёноос Д.Гүнжээ гуайд өвлөгдөж үлдсэн зүйлс байдаг уу гэхэд “Луу гүн ноёны хатны барьж байсан жижигхэн хөөрөг байдаг” гэсэн юм.

С.Ламбаа гуай их сургуулиа төгсөн ИЭЗФ-ынхаа Улс төрийн эдийн засгийн ухааны тэнхимд багш болжээ. Дөрвөн жил багшилсан тэнхим нь түүнийг улс төрд уруу татагдах, бүр цаашлаад улстөрч болон бэлтгэгдэхэд нь чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Харин 1980 онд Дээд, тусгай дунд,техник мэргэжлийн Улсын хороонд мэргэжилтнээр томилогдож төрийн албанд зүтгэх гараагаа эхэлжээ. Тэрээр “Уг ажилд томилогдон ирснээсээ хойш төрийн албанд тасралтгүй 43 ажиллаж, Эрүүл мэнд, спортын сайдын албыг өгөөд тэтгэврээ тогтоолгосон. Энэ хооронд л миний бүхий л ажил амьдрал өрнөж ирж дээ” хэмээн хэлж байлаа. С.Ламбаа гуай ардчилсан хувьсгалын үйл хэрэгт анхнаас нь оролцсон хүний нэг. Түүнээс Ардчилсан хувьсгал, Шинэ дэвшилт холбооны талаар асуухад “Намайг 1984-1987 онд Эрхүүгийн их сургуульд ажиллаж, Москвагийн их сургуулийн аспирантурт эчнээгээр сурч байх үеэс л ЗХУ-д ардчилал шинэчлэлийн салхи сэвэлзэж эхэлсэн. Тэнд суралцаж байсан монгол оюутан, аспирантууд хааяа уулзаж Монголын улс төр, нийгэм эдийн засгийн асуудалд шүүмжлэлтэй хандаж ярилцдаг байсан. Тэр үед Москвагийн их сургуульд манай тэнхимийн Да.Ганболд аспирант, С.Зориг оюутан байсан юм. Би хойноос 1988 онд ирээд Шинжлэх ухаан, дээд боловсролын Улсын хороонд хэлтсийн дарга хийж байхад Монголд ардчилсан хувьсгал өрнөсөн. МУИС-ийн Улс төр, эдийн засгийн ухааны тэнхимд хамт багшилж байсан Д.Батсүх маань эдийн засагчид эвлэлдэн нэгдсэн “Шинэ дэвшилт холбоо”-г байгуулж, би түүнд татагдан орсон. Улмаар Д.Батсүх тэргүүнтэй “Шинэ дэвшилт холбоо”-ныхон “Монголын Үндэсний дэвшил”-ийн намыг байгуулж Намын дээд сургуулийн багш Да.Ганболд маань намын дарга болсон юм шүү дээ. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл бидний хэсэг нөхдүүд “Мүднякчууд” гэх нэрнээс салалгүй явж байна. Үнэнийг хэлэхэд “Монголын ардчилсан холбоо”, “Монголын социалист ардчилсан хөдөлгөөн”, “Монголын шинэ дэвшилт холбоо” гэсэн энэ гурван том хөдөлгөөнөөс угшилтай Монголын Ардчилсан нам, Монголын Социал демократ нам, Монголын үндэсний дэвшлийн нам бол Ардчилсан хувьсгалын 30 жилийн түүхийг бичсэн анхдагчид, өнөөдрийн Ардчилсан намын тулгын гурван чулуу нь. Энэ гурван хөдөлгөөн, гурван нам Монголын ардчиллын түүхийн хуудсанд мөнхөд үлдэнэ. Найз нөхдийн, бидний гэр бүл, үр хүүхдүүдийн үерхэл нөхөрлөл ч тасралтгүй үргэлжилнэ. Тийм учраас би “Мүднякчууд” гэж цоллуулахдаа хэзээ ч ичиж байгаагүй, харин ч бахархаж явдаг. Энэ бол бодит түүх юм шүү дээ” гэв.

С.Ламбаа гуай 1996 онд “Ардчилсан холбоо” эвслээс УИХ-ын гуравдугаар тойрог буюу Архангай аймагт нэр дэвшсэнээр улс төрд эргэлт буцалтгүй орж, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн, дарга, УИХ дахь АН-ын Зөвлөлийн орлогч дарга, Эрүүл мэндийн сайд, УИХ-ын даргын ахлах зөвлөх, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд спортын сайдаар тус тус ажиллажээ. Тэр МҮДН, МҮАН, АН-ын удирдах дээд байгууллагад тасралтгүй сонгогдож, 2000 онд ардчиллын таван нам нэгдэж Ардчилсан нам байгуулагдахад Нарийн бичгийн даргаар томилогдож байж.

Тэрээр “Би 12 жил Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн, даргаар ажиллах хугацаандаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын бүх хууль дээр ажилласан. Олон арван хуулийн ажлын хэсгийг ахалж байлаа. Одоо мөрдөгдөж байгаа Эрүүл мэндийн тухай хуулиудад миний оролцоогүй хууль гэж байхгүй дээ. Эрүүл мэндийн сайдаар томилогдоод бүх хуулиудыг дахин шинэчилж, мөн ч олон үндэсний хөтөлбөр, стратеги, эрх зүйн актуудыг гаргасан. Бүх аймгуудыг эрүүл мэндийн хөгжлийн стратегитэй болгож байлаа” гэж төрийн түшээ, сайд байх үеийнхээ ажлаас цухас дурдав.

С.Ламбаа сайдын үед эрүүл мэндийн салбар эдийн засгийн хувьд хөл дээрээ босч, томоохон бүтээн байгуулалтууд хийгдсэн гэж тус салбарынхан онцлон ярьцгаадаг. Энэ талаар тэрээр “Намайг сайд болоод ирэхэд эрүүл мэндийн салбарын төсөв 200 гаруйхан тэрбум, хөрөнгө оруулалт гээд байх юм ховор, салбар маань олон жил төсвийн үлдэгдлээр амь зогоож хүндхэн байдалд орсон байсан л даа. 2008-2012 онд төсвийн хэмжээг 500 гаруй тэрбумд, зээл тусламжийг 280 тэрбумд хүргэж, хөрөнгө оруулалтыг бодитой нэмэгдүүлснээр 300 шахам эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг засварлаж, 100 гаруй эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг шинээр барьсан. Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл, БНСУ-ын 55 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа Үндэсний оношлогооны төв, Яармагийн 300 ортой нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Түлэнхийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэлхийн III зэрэглэлийн лаборатори гээд бидний том бодлогын хүрээнд эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажил өнөөдрийг хүртэл үргэлжилж, эхнээсээ ашиглалтад орж байна. Үндэсний оношлогооны төв ашиглалтад орчихвол гадагшаа оношлогоонд явдаг урсгал зогсох боломжтой болно. Олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, Эрүүл мэндийн салбарт шинэ техник технологийг амжилттай нэвтрүүлж Монголын эмч нар элэг тайрах, зүрхний төрөл бүрийн мэс ажилбарыг уян дурангийн аргаар хийх, үе солих, үргүйдлийг эмчилж , үр суулгах, төрөлхийн сонсголгүй хүүхдэд дунгийн суулгац суулгах, элэг, ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах гээд оношлогоо эмчилгээний олон дэвшилтэт аргыг эмчилгээний практикт нэвтрүүлсэн. Үр дүнг нь монголчууд мэдэж байгаа байлгүй дээ. АНУ-ын буцалтгүй тусламжаас Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, осол гэмтлээс хамгаалах зорилгоор 39.2 сая ам долларын төсөл нийгмийн эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн. Тухайлбал, улсын Гуравдугаар төв эмнэлэгт байгуулсан Харвалтын төв олон мянган хүний амь насыг аварч байх жишээтэй. Ингээд дурдаад байвал маш их юм бий. Гэхдээ энэ бүхнийг би хийчихсэн юм биш, сайдын хувьд зөв бодлого барьж боломжийг нь олгосноор Монголын чадварлаг эмч, сувилагчдын хүчтэй баг бүрэлдэхүүн хийж байгаа юм” хэмээн итгэл төгс хариулж байлаа. Сайд дарга нар өөрийн багаа бүрдүүлнэ гэж их ярих юм. Та сайд болоод багаа хэрхэн бүрдүүлсэн бэ гэхэд “Надад баг бүрдүүлэх тухай ойлголт байгаагүй. Яамны мэргэшсэн боловсон хүчнийг өөртөө татаж хамтарч ажиллах нь тэднээс биш, надаас л хамаарна шүү дээ. Тийм учраас бүгдийг нь цуглуулж байгаад салбарын бодит байдал цаашид хийх ажлынхаа талаар цаг гаруй лекц уншаад эцэст нь “Нэг ч хүнийг халахгүй. Хамгийн гол нь миний хаалгаар хов жив орж ирэх ёсгүй. Ажлаа хийж чадахгүй бол өөрөө явж болно. Хүн бүр хариуцсан ажил, юу хийсэн, юу хийх гэж бодож байгаагаа нэг хуудсанд бичээд маргааш өглөө бэлэн болго, би танилцна” гээд асуулт хариулт ч үгүй шуудхан гараад явчихсан. Тэгээд л өмнөх дөрвөн жилд ажилласан таван сайдын багийн гишүүд бүгдээрээ миний хүн болчихсон. Тэр ч бүү хэл миний ярьсан зүйл хот хөдөөгүй тарж, олон сайд солигдоод ямар ч итгэл үнэмшилгүй болчихсон эрүүл мэндийн салбарынханд гэрэл гэгээ өгсөн гэсэн. Үг хүчтэй шүү дээ” хэмээсэн нь тун ч үнэний ортой санагдсан юм. Түүнээс 2020 оны сонгуульд нэр дэвших эсэх тухай нь тандахад “Одоо ч намайг өвгөнөөр нь дуудаад шоолж өгөх байлгүй дээ. Уг нь улс төрд нас гэж байхгүй л дээ. Нас бол тоо ч гэдэг. Би чинь 2012 онд л залуучууддаа зайгаа тавьж өгье гээд УИХ-аас нэрээ татаж л байсан хүн шүү дээ. Тэгсэн хэрнээ л нам, төрд дайчлагдсаар л ирсэн. Төрийн ажлыг хийх цагт нь хийчихсэн болохоор одоо бол тоормосоо чангахан татаж гэр бүл, үр хүүхэд, бяцхан зээ нарынхаа төлөө, бас өөрийнхөө эрүүл мэндэд анхаарсан нь дээр биз дээ” гээд шулуухан хэлчихэв.

С.Ламбаа гуай сонин хэвлэлд өгсөн ярилцлага, мэдээ, мэдээлэл, зураг хөрөг, өдөр тутамд хийх ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийг нэг бүрчлэн бичиж том том тэмдэглэлийн дэвтэрт нямбайлан наажээ. Хуудас бүр нь түүх агуулах ийм боть түүнд 10 гаруй байх бөгөөд нэгийг нээж эргүүлсэнээ “Танай “Өдрийн сонин”-д гарсан зүйл мөн ч их байгаа биз. Өнөөдөр эрүүл мэндийн асуудлаар ямар нэг сенсаци үүсэхэд бид энэ асуудлаар тухайн үед юу хийж байж вэ гэдгийг эндээсээ л харчихдаг. Заримдаа бид ийм юм хийж байлаа гээд жиргэчихнэ шүү дээ” хэмээн өгүүлэв. С.Ламбаа гуай ширээн дээрээ “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай”, “Авто тээврийн тухай” хоёр ч хуулийн төсөл дэлгэн тавьжээ. Учир явдлыг тодруулахад “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийг 2016 онд би УИХ-д өргөн барьж хэлэлцүүлээд эцсийн хэлэлцүүлэг дээр Су.Батболд гишүүн “Эмийн агентлаг байгуулна гэсэн байна бас л орон тоо нэмэгдэнэ шүү дээ” гэж гэнэтхэн маргаан үүсгээд хойшлогдчихсон юм. Үнэндээ энэ агентлаг байхгүйгээс эмийн бодлого хэрэгжиж чадахгүй эмийн нийлүүлэлт, хэрэглээ замбараагаа алдаж байгаа юм шүү дээ. “Авто тээврийн тухай” хуулийг 1999 онд Г.Батхүү гишүүн асан Тээврийн яаманд байхдаа ажлын хэсэг гарган боловсруулж би УИХ-ын гишүүний хувьд УИХ-д өргөн барьж батлуулсан юм. Бид хоёр цаг товлоод хуулиа эргэн үзэж харах гэж байтал тэр маань Төрийн ордонд хуралд оролцож яваад гэнэтхэн өөд болчих юм. Бид хоёр чинь хоёулаа авто тээврийн инженер, эдийн засагч мэргэжилтэй. Би Монголд, тэр маань Харьковт төгссөн юм. Насаар зөрүүтэй ч үе тэнгийн юм шиг нөхөрлөж, бие биенээ цаашлуулж, хошигнож, төрийн ажилд хамтран зүтгэж явлаа. Аливаад мэдрэмжтэй, үргэлж эвийг эрхэмлэх гэж боддог, маш их хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй улстөрч, төр нийгмийн зүтгэлтэн хүн шүү дээ. Хийморьтой ч эр хүн. Ямартаа түүнтэй салах ёс гүйцэтгээд Соёлын төв өргөөний үүднээс машины цуваа хөдлөхөд бороо орж тэнгэр хүртэл уйлж байхав” гээд Ламбаа гуай санаа алдав. С.Ламбаа гуайг шог зураач, боксын спортын мастер гэдгийг хүмүүс мэднэ. Ажлынх нь өрөөнд “Тоншуул” сэтгүүлийн хуучин дугаар, олимп, дэлхийн аваргуудын гарын үсэгтэй хэд хэдэн боксын бээлий, өргөмжлөл харагдсан. Энэ тухай тодруулахад “Оюутан болоод боксын спортоор хичээллэж нэг хэсэг нүдэлдэж, Эрүүл мэнд, спортын сайдын хувьд боксын спортыг хөгжүүлэхэд багагүй хувь нэмрээ оруулсан болохоор л холбооноос тодорхойлж надад спортын мастер цол олгосон байх. Залуу явахад юм юм л оролдож явлаа шүү дээ. “Тоншуул” сэтгүүлд 10 жил шог зураг зурсан байдаг” гэв.

С.Ламбаа гуай ардчилсан хувьсгалын түүхийг хэзээ ч үгүйсгэж, бүдгэрүүлж болохгүй, үр хойчдоо түүхийг үнэнээр нь үлдээх нь хамгийн чухал гэдгийг ч онцолсон. “Ардчилсан хувьсгалын үр дүнд өнгөрсөн 30 жилд Монголын ард түмэн маш олон үнэт зүйлийг бүтээж бий болгосон. Тийм учраас монголчууд намаараа талцаж дэвээд байхаасаа илүүтэй ардчилсан хувьсгалын үр дүнд бий болсон үнэт зүйл дээрээ нэгдэж улс эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалж хөгжил дэвшлийн төлөө хамтарч ажиллах хэрэгтэй” гэж чин сэтгэлийнхээ үгийг хэлж байлаа. Танд харамсаж явдаг зүйл бий юу гэхэд “Энэ олон жилийн хувьсал өөрчлөлтийн үед алдаж оносон юм бишгүй дээ л байх шүү дээ. Одоо ч уламжлал гэж юм байхгүй болж дээ. Боловсролд олон жил зүтгэж явсан хүний хувьд ганцхан зүйлийг хэлье. Манай засгийн газрын үед МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Ж.Батмөнх даргын нэрэмжит болгож, урд нь хөшөөг нь босгосон. Яагаад гэвэл Ж.Батмөнх дарга бол Эдийн засгийн сургуулийг үүсгэн байгуулагч, Ардчилсан хувьсгалыг тайван замаар ялахад чухал үүрэг гүйцэтгэсэн төрийн том зүтгэлтэн хүн. Гэтэл МУИС-ийг бүтцийг өөрчлөхдөө тэр хүний үүсгэн байгуулсан, МУИС-ийн бренд болж байсан Эдийн засгийн сургуулийг татан буулгаж Бизнесийн сургууль болгосонд үнэхээр харамсдаг. Ингэж түүхийг бүдгэрүүлж болохгүй л дээ. Ардчиллын дуу хоолой болж ирсэн “Өдрийн сонин”-ы хуудсыг сөхвөл тэр үеийн түүх байж л байгаа шүү дээ. Үүнийг би хэлэхгүй бол өөр хэн хэлэхэв. Аливааг үгүйсгэх гэсэн дон шүгэлж байгаа өнөө үед түүхээ үнэн зөвөөр бүтээхэд судалгаа шинжилгээний байгууллага, эрдэмтэд, улс төр судлаачид их л юм хиймээр байна. Би ч бас мэдэх зүйлээ үлдээх ёстой гээд дурсамжийн ном тэрэлж байна. Гэхдээ өөрийгөө магтах бус, өөрийнхөө үеийн түүхэн хөгжлийн өнгө төрх, аав ээж, ахан дүүс, гэр бүл, үр хүүхэд, сайн мэдэх төр нийгмийн зүтгэлтэн, хамтран зүтгэгчид, найз нөхдийнхөө дүр төрх, амьдралын замнал, сайн сайхан үйлсийг нь алдаршуулах зорилготой” гэж онцлон дурдаж байлаа. С.Ламбаа гуай “Дөрвөн сайхан зээтэйгээ, дөч гаруй жил ханилсан ханьтайгаа, хоёр хөөрхөн охинтойгоо, хүргэнүүдтэйгээ сайхан амьдарч байна аа” гээд өнөөх л танил инээмсэглэлээ тодруулсан юм. Хийсэн зүйл, хэлэх үгтэй төрөө түшилцэж, түмэндээ хүндлэгдсэн энэ хүний яриа олон ч зүйлийг бодогдуулсан юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​Ж.Ганбаатар: Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийн талаар УИХ-ын даргатай зөвшилцөнө


УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.

-УИХ Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Эдийн засгийн байнгын хороон дээр уг ажлын хэсгийн тайланг сонслоо. Ямар дүгнэлт гарсан талаар тодруулаач?

-Эдийн засгийн байнгын хороогоор Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн. Ажлын хэсэг Оюу толгойн гэрээг эргэн харж, сайжруулах ёстой гэх дүгнэлтийг гаргасан. Дубай болон анхны гэрээн дээр ч ялгаагүй эргэн харах зүйлүүд байна гэдгийг хэлж байгаа.

-УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт гарчихсан учраас Эдийн засгийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөх боломжтой юм билээ. ЭЗБХ-оос Засгийн газарт чиглэл өгөх үү?

-Бид УИХ-ын даргатай зөвшилцөнө. Миний хувьд энэ дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороогоор зайлшгүй хэлэлцүүлээд УИХ-аас тогтоол гаргах нь зөв гэж үзэж байна. Энэ саналаа ч УИХ-ын даргад хүргүүлнэ гэсэн бодолтой байгаа. УИХ-ын дарга энэ асуудалд ямар чиглэл өгөхийг мэдэхгүй. Одоогоор хараахан уулзаж амжаагүй байна. Ямартаа ч Оюу толгойн гэрээг зайлшгүй эргэж харахаас өөр аргагүй байна.

-Монголчууд Оюу толгой компанид өрөнд ороод зогсохгүй, өрийн хүү нь 541 сая ам.доллар болж өсчээ. Энэ яг ямар учиртай юм бэ?

-Монголын тал 34 хувийн хөрөнгө оруулалт гэж тэрбум гаруй ам.доллар өгөх ёстой байсан юм билээ. Үүнийгээ өгөөгүй учраас нөгөө тал банкнаас зээл авсан байгаа юм. Тэрхүү зээлийн хүү нь л нэмэгдсээр байгаад 500-гаад сая ам.долларын асуудлыг үүсгэчихсэн хэрэг. Гэхдээ Монголын тал өнөөдрийн байдлаар нэг ч ам.доллар зарцуулаагүй байгаа.

-Монгол Улс Оюу толгойгоос эхний ашгаа 2048 онд хүртэнэ гэх юм. Ийм зүйл байж болох уу?

-Монголын талд, 34 хувьд хэзээ ашиг ирэх вэ гэдгийг миний болон бусад гишүүдийн зүгээс онцлон асууж байгаа. Яах аргагүй санаа зовоож буй гол зүйл нь Монголын талд өгөөж хэдийд ирэх тухай юм. Үр ашигаа өгөх хугацаа нь 2038, 2048 он гэсэн хоёр өөр тоог Сангийн яам болон Оюу толгой компанид Монголын талыг төлөөлж буй удирдлага хэлж байна лээ. Энэ бол үнэхээр байж болшгүй зүйл л дээ. Энгийн бизнес таван жил, хамгийн дээд тал нь 10 жилийн дараа үр өгөөжөө өгөх зүйлд хөрөнгө оруулалт хийдэг.

Гэтэл 20, 30 жилийн дараа үр өгөөжөө өгнө гэж байгаа нь тун онцгүй явдал юм. Анх тохирсон хөрөнгө оруулалтынхаа зардлыг нэмэгдүүлэхгүй гэж УИХ-ын тогтоол дээр зааж өгчихөөд байхад Дубайн гэрээгээр нэмэгдүүлж, түүнийг нь хүлээн зөвшөөрсөн нь маш буруу.

-Рио Тинтогийн хувьд Оюу толгойн гэрээнд цэг, таслалын ч өөрчлөлт оруулахгүй гэж мэдэгдсэн байсан. Засгийн газар Рио Тинтотой хэлэлцээрийн ширээний ард суух боломж бий юү?

-Оюу толгойн гэрээнд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхэд 15 гишүүн оролцсон. Хуралдаанд оролцсон гишүүд энэ гэрээг эргэж харах зайлшгүй шаардлага бий гэсэн саналыг хэлсэн. Тийм учраас энэ асуудалд ганцхан байнгын хорооны дүгнэлт гаргаад зогсохгүй УИХ-аар тогтоол гаргах, Засгийн газарт чиглэл өгөх эсэх нь УИХ-ын асуудал болж хувирч байгаа хэрэг. Энэ бол ганцхан Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудал биш гэж миний хувьд дүгнэж байгаа.

Оюу толгой компани ил уурхайн нөөцийнхөө 16 хувийг, далд уурхайнхаа 7-8 хувийг ашиглачихсан юм билээ. Дийлэнх хэсгээ ашиглаагүй байна гэсэн үг. Тэгэхээр Монголын болон рио Тинто ч ялгаагүй хэлэлцээрийн ширээний ард сууж, энэ асуудлууддаа анхаарал тавих нь зүйтэй юм.

-Оюу толгойн хувьцаа, үл хөдлөх хөрөнгүүд, ашиглалтын тусгай зөвшөөрөл, дотоод, гадаадын данснууд зэргийг 15 банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан гэх зүйл яригдаад буй. Энэ үнэн бол манайд ямар эрсдэлтэй юм бэ?

-Сангийн яамнаас энэ талаар тодруулахад “Батлагдаагүй мэдээлэл” гэсэн зүйлийг ярьж байна лээ. Манай талаас л тийм байх магадлалтай гэж хардаж байгаа юм билээ. Тийм байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ энэ бол батлагдаагүй мэдээлэл.

-Татварын багц хуульд татварын байцаагчдад давуу байдал олголоо гэж шүүмжилж байгаа. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй учир энэ асуудлыг дахин ярих боломж бүрдсэнгүй гэдгийг ч хэлж байна. Энэ тухайд?

-Татварын байцаагчийн эрх мэдэл өмнөх хуулиасаа нэмэгдсэн. Татварын ерөнхий газрын даргын зөвшөөрлөөр хяналт шалгалтыг дахин хийж болно гэсэн зүйл байгаа. Мөн байгууллагуудад тооллого, үзлэг хийж болно гэх мэтээр аж ахуйн нэгжүүдийн дотоод эрх ашигт хандсан зүйлүүд орсон нь үнэн. Гэхдээ төр байгаа цагт татвар авах, төлөх нь үнэн шүү дээ. Хамгийн гол нь хэрэгжүүлэхдээ хэт дарамталсан байдлаар, тухайн байгууллагад орлого боломжийг нь олгохгүй, үйл ажиллагааг нь хааж, боох нь зохимжгүй юм. “Би энэ байгууллагыг очоод цоожилчихож чадна. Энэ надаас гуйхгүй яадаг юм” гэсэн суурь дарга зан байдагт л асуудал оршоод байгаа юм. Хуулиа бариад л ажиллах ёстой.

-УИХ-ын зарим гишүүд Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ яг ямар учиртай хууль вэ?

-Миний хувьд Зөвшөөрлийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа. Зөвшөөрлийн тухай хуулиар хуулиудыг дагаж гардаг томоохон журмуудыг цэгцэлж байгаа юм. Ямар нэгэн байдлаар журамд хураамж, зөвшөөрөл гэх мэт зүйлүүдийг оруулахаар болвол Засгийн газраас зөвшөөрөл авдаг болно. Энэ нь 2004 оноос хойш яригдсан асуудал юм билээ л дээ. Энэхүү хууль агентлагийн дарга нарын дураараа авирладаг байдлыг цэгцлэх байх гэж найдаж байгаа.

-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа. Таны хувьд энэ удаагийн үндсэн чиглэлийн хэрхэн дүгнэж байгаа вэ?

-10 их наяд 600 гаруй тэрбум төгрөгөөр 120-иод ажлыг хийж хэрэгжүүлнэ гэж Үндсэн чиглэлд заасан. Бүхэл бүтэн нэг улсын тухай ярьж байгаа тохиолдолд харьцангуй бага мөнгө юм гэж бодож байгаа. Хувь хувьсгал, гадны зээл тусламжтайгаа нийлээд гурван тэрбум хүрэхтэй үгүйтэй ам.доллараар л ажлууд хийж гүйцэтгэх нь гэсэн үг л дээ. Энэ бол чамлалттай л тоо харагдаж байгаа юм. Ямартаа ч хэдий өртгөөр, ямар ажлууд хийгдэх эсэх нь төсөв хэлэлцэх үеэр дэлгэрэнгүй яригдах болно.

-Та Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгогдсон. Байнгын хороон дээр хэлэлцэхээр хүлээгдэж буй ямар асуудлууд байгаа вэ?

-Ер нь бүх асуудлын гол нь л эдийн засаг шүү дээ. Улс хоорондын маргаан газар нутаг, үзэл бодлын зөрчлөөс эхтэй байдаг байсан цаг хэдийнэ ард хоцорч эдийн засаг, худалдааны л дайн болдог болсон. Өнөөдрийн нийгэмд бүх асуудал эдийн засгаас шалтгаалдаг болчихсон. Тэр утгаараа Эдийн засгийн байнгын хороонд харьяалагдаж байгаа яамдууд бусад байнгын хорооныхоос харьцангуй их. ЭЗБХ-нд таван яам, хоёр хэрэгжүүлэгч агентлаг харьяалагддаг. ЭЗБХ-оор улс орны томоохон асуудлуудыг эдийн засгийн үр дүнтэй юу, үгүй гэдгийг чухалчлан авч үздэг. Тиймдээ ч чухал байнгын хороо гэдэгтэй санал нэг байна. Өнөөдөр манай байнгын хороон дээр хэлэлцэхээр хүлээгдэж буй 24 асуудал байна. Энэ нь мөн л бусад байнгын хороодын хэлэлцэх асуудалтай харьцуулахад харьцангуй их байгаа юм. Иймд байнгын л өндөр ачаалалтай ажиллах шаардлагатай. Миний хувьд энэ ажлыг хүлээж аваад өмнөх хүмүүсийнх нь хийж, хэрэгжүүлсэн ажлыг гүйцээх, Засгийн газар болоод Их хурлын хоорондын харилцааг хурдан шуурхай болгох хэрэгтэй гэж харж байна. Мөн зөвхөн орж ирж байгаа асуудлуудыг ярихаас илүү тус байнгын хороо өөрөө санаачилж хийж хэрэгжүүлэх ажил олон бий. Гэхдээ цаг хугацаа бага байна. Үндсэн хууль хэлэлцэгдээд эхэлбэл бүх байнгын хороодын хэлэлцэх гэж байгаа асуудлууд зогсдог. Тиймээс Үндсэн хууль хэлэлцэж эхлэхээс өмнө гол асуудлуудаа хийж хэрэгжүүлэх ёстой. Хүлээгдэж байгаа ажлууд их байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Нямбаатар: Ц.Нямдорж зөнөж, миний хувьд айх, гайхах зэрэгцэж байна

– ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ БҮТНЭЭР НЬ ШИНЭЧЛЭН НАЙРУУЛНА ГЭДЭГ БОЛОМЖГҮЙ –


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.


-Таныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Чиний энэ тодрох гэсэн өвчин чинь аминд чинь ч хүрч мэднэ шүү” гэлээ. Хууль зүйн сайд нь ийм зүйл яриад сууж байх нь зөв үү?

-Би өнөөдөр (өчигдөр) чуулганы нэгдсэн хуралдаан дээр Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг яаралтай өөрчлөөч ээ гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Одоогоос жил гаруйн өмнө мэргэжлийн 450 гаруй хуульчид цуглаад Эрүүгийн хууль хэрэгжиж эхлээд зургаан сар болсны дараа ямар доголдол гарсан талаар шүүж ярилцсан. Үүний хүрээнд хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх нь зүйтэй гэсэн 15 зөвлөмжийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлсэн юм. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Засгийн газар, мэргэжлийн яам нь оруулж ирэхгүй байна вэ гэдэг зүйлийг чуулганы хуралдаан дээр ярьсан. Гэтэл Ц.Нямдорж сайд “Чиний амь насанд халдана. Хохь чинь шүү” гэж хэллээ. Миний хувьд айх, гайхах зэрэгцэж байна. Би УИХ-ын гишүүний хувьд Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах, тэр тусмаа хууль тогтоолын цоорхой, хийдлийг арилгаач ээ гэж хэлэх эрхтэй. Ингэж хэлсний төлөө Хууль зүй, дотоод хэргийн сайд хүн миний амь насанд халдана гэсэнд нэг талаасаа гайхаж байна. Нөгөө талаасаа айдас төрж байна. Мань хүний маш чухал эрх ашиг тэнд нуугдаж байх шиг. Өөртэй нь хамаарал бүхий хүмүүстэй холбоотойгоор хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байна гэсэн хардлага байна. Тиймдээ ч энэ асуудлыг зориуд дарагдуулах сонирхол нуугдаж байна гэж үзэж байна.

-Хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхгүй ийн цаг хожиж байгаа нь яг хэнд ашигтай байна вэ?

-Цагаан захтнууд л хожиж байгаа. -Ц.Нямдорж сайд таныг хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн гэсэн. Энэ үнэн үү?

-Ц.Нямдорж сайд “Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг чи гаргаж ирж, ийм зохицуулалт хийсэн биз дээ” гэж дайралт, гүтгэлэг хийлээ. С.Бямбацогт гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд байх үед Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг нэмэлт, өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг огт хөндөөгүй. УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд хөндөөгүй хуулийн зүйл заалтыг ажлын хэсэг байтугай УИХ ч өөрчлөх эрхгүй гэж заасан байдаг. Засгийн газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Уг төслийн 31.13 дугаар зүйл буюу хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн Хууль зүйн байнгын хорооны хурал дээр тус байнгын хорооны дарга Ш.раднаасэд санал гаргаж өөрчилсөн. 2017 оны тавдугаар сарын 4-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн эцсийн найруулгатай хамт Эрүүгийн хуулийн 1.10 буюу хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг ижилсүүлж, жигдэршүүлсэн. Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн тав дахь хэсгийг үндэслэж УИХ автоматаар өөрчилсөн. Эрүүгийн хууль Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн хооронд зөрчил үүсгэхгүйн тулд ингэж өөрчилсөн юм. Би өөрчлөөгүй. Ажлын хэсэг өөрчлөөгүй. Засгийн газраас ч ийм төсөл орж ирээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг Ш.Раднаасэд гишүүн өөрчилсөн. Түүнийгээ дагаад Эрүүгийн хууль өөрчлөгддөг Дэгийн хуулийн заалтын дагуу өөрчлөгдсөн хэрэг. Тиймээс гүжирдэж болохгүй.

Мөн намайг хуульчдын зөвлөгөөн хийгээгүй гэлээ. “Гуйгаад байхаар чинь чамаар Зөрчлийн хуулиар зөвлөгөөн хийлгэсэн” гэж байна. Ц.Нямдорж нэг бол зөнөж, нэг бол гүжирдэж байна. 2018 оны зургадугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Хууль сахиулахын их сургууль дээр шүүх, прокурор, мөрдөх, өмгөөлөх байгууллагуудын болон эрдэмтэн судлаачдын төлөөлөлтэй хуульчдын зөвлөгөөн хийсэн. Зөвлөгөөнөөр зөвхөн Эрүүгийн хэрэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцсэн. Энэ талаарх мэдээлэл он сартайгаа миний цахим хуудаст бий. Мөн дараа нь 2018 оны дөрөвдүгээр сард 5, 6-ны өдөр Зөрчил, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн талаар зөвлөгөөн хийсэн юм. Энэ хоёр зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжүүдийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Ингэж л цаг хугацаа, баримттай зүйл ярихгүй бол мань хүн хүнийг их гүтгэдэг шүү дээ.

-Ерөнхийлөгчөөс Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтын зөрчил, хийдэл, хэрэгжилт болоод эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид санал, дүгнэлт хүргүүлсэн. Энэ асуудлыг хэдийд авч үзэж, хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулах бол?

-Хууль зүй, дотоод хэргийн сайд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг оруулж ирэхгүй жил гаруй дараад байна. Ерөнхийлөгчөөс Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандаж, бичиг хүргүүлчихсэн байгаа нь үнэн. Гэсэн ч Ц.Нямдорж сайд өнөөдрийг хүртэлх хугацаанд УИХ дээр ердийн болон яаралтай аль нэг горимоор хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг оруулж ирэхгүй байна. Яагаад ийм алхам хийж байгаад дүгнэлт хийх хэрэгтэй.

-Эрүүгийн хуулийг бүхэлд нь шинэчлэх тухай салбарын сайд хэлсэн. Энэ боломжтой юу?

-Ц.Нямдорж сайд Эрүүгийн хуулийг бүхэлд нь өөрчлөхөөр судалж байгаа гэдэг зүйлийг ярьж байна. Манайх шиг Эрүүгийн хуулиа дөрвөн жил тутамд өөрчилдөг улс дэлхийд байхгүй. Миний мэдэхээр 1963 онд Эрүүгийн хууль батлагдсан. Дараа нь 1983, 2002, 2015 онуудад батлагдсан юм. Ийм эрх зүйн боломж, жишиг, практик байдаггүй. Франц гэхэд Эрүүгийн хуульдаа 30 жилийн турш бага, сага өөрчлөлт хийсээр байгаад эрүүгийн эрх зүйдээ реформ хийж чадсан. ОХУ, БНХАУ гээд дурдвал олон улс орон бий. Эрүүгийн хууль тогтоомж гэдэг Үндсэн хуулийн дараа орох суурь зохицуулалт. Тиймээс Ц.Нямдорж сайдын хэлж буй зүйл худал үг. Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулна гэдэг эрх зүйн болоод онолын хувьд боломжгүй. Маргааш, нөгөөдөр, магадгүй энэ УИХ Эрүүгийн хуулийг бүтнээр нь шинэчлэн найруулна гэдэг боломжгүй.

-Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль багагүй маргаан дагуулсаар батлагдсан. Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавьж магадгүй гэх мэдээлэл байгаа. Энэ тухайд?

-Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж оруулж ирсэн. Тийм учраас энэ хуулийн талаар сайд нь илүү мэднэ байх. Ер нь бол Захиргааны ерөнхий хууль иргэн, төр хоёрыг тэнцвэржүүлж байгаа хамгийн том зэвсэг. Өнөөдөр төр засгаас гарч байгаа шийдвэр болгоныг Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлээс гаргана гэвэл бид маш том ухралт хийж буй хэрэг юм. Сүүлд Хууль зүйн байнгын хороон дээр томьёолсон томьёоллын хүрээнд үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогыг тодорхойлох, байгалийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, өмч, хувьчлал, УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зөвхөн Засгийн газрын шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулиар Захиргааны шүүхийн хяналтаас гаргаж байгаа. Бусад бүх харилцаа Захиргааны ерөнхий хуулийнхаа үйлчлэлд байна гэсэн зохицуулалттай батлагдсан.

-Улсын Их хурлын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ярьж байна. Таныг “Гишүүдийг босч зогсож яриулдаг болох хууль санаачлах юм. Үүнээс өөр хийх зүйл алга уу” гэж шүүмжилж байна. Уг хуулийн гол ач холбогдол нь юу юм бэ?

-Гишүүд УИХ-д босохгүй хэвтээгээрээ ч үг хэлж болно. Тэр чухал биш. Дотор агуулгыг нь уншихгүйгээр өөнтөглөж байгаа л хэрэг. Сонгодог парламенттай оронд парламентын гишүүдийн ширээ болгонд микрофон байдаггүй. Улс эх орны амин чухал асуудал хэлэлцэж байгаа учраас баримт, судалгаа, тооцоо, нотолгоотой зүйлийг индэрт очиж ярьдаг байх тухай л юм. Энэ дэвшил рүү явахгүй гэвэл хамаагүй. Зүйл, заалтаа татаад авчихаж болно. Хамгийн гол нь бид хуулийн төслийг бүтэн хэлэлцдэггүй. Зарчмын зөрүүтэй саналыг байнгын хороо, түүний референтүүд л бэлдээд өгчихдөг. Тэр зарчмын зөрүүтэй саналын хоёр үеийг хэлэлцээд л хууль баталчихдаг. Харин энэ төслийн гол реформ нь өргөн барьсан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг мэргэжлийн байнгын хороон дээр зүйл заалт бүрээр нь хэлэлцье, асуулт, санал байгаа эсэхийг шигшиж, тунгаах тухай юм. Гишүүд ядаж нэг удаа хуулийн төслөө бүтэн уншиж хууль баталдаг болоосой л гэж үзсэн хэрэг. Мөн хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд, эрдэмтэн судлаачид шууд санал оруулдаг, үзэл бодлоо илэрхийлдэг болох боломжийг нээж өгөх юм. Холбогдох байнгын хороод тэрхүү саналуудыг нэгтгэж, санал хураадаг болъё гэж байгаа. Хууль тогтоох үйл ажиллагаа мэргэжлийн, тооцоо судалгаанд үндэслэдэг байя, мөн индэрийг популист улс төр хийдэг зэвсэг болгохоо больё, эцсийн хэлэлцүүлэгт зарчмын зөрүүтэй санал гаргасан тохиолдолд дахин байнгын хороод руу шилжүүлдэг болъё гэсэн зохицуулалтыг тусгаж байгаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Тогтохсүрэн: Үндсэн хууль ирэх сарын эхээр өргөн баригдах болов уу

-ЭРҮҮГИЙН БОЛОН ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЯАРАЛТАЙ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЧИГЛЭЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАРТ ӨГСӨН-

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.


-Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөнтэй холбоотойгоор багагүй үйл явдал өрнөлөө. Нийгмийн шүүмжлэлд өртөөд буй энэхүү өөрчлөлтийг эргээд хуучин хэвэнд нь оруулах уу. Эсвэл энэ чигээр нь үлдээх үү?

-Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой маргаан сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гараад байгаа. Энэ бол Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал анх тусгагдаад түүнтэйгээ уялдаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орчихсон юм билээ. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст боломж олгочихсон зүйл болчихож байгаа юм. Ойрын үед УИХ-ын зүгээс Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль хоёр нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хурдан өргөн бариач ээ гэх чиглэлийг Засгийн газарт өгч байгаа. Энэ хүрээнд авлигын асуудал цэгцэрнэ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах олон асуудал байгаа гээд байгаа юм. Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэргүүд гэх зэрэг асуудалтай холбоотойгоор Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй. Засгийн газрын зүгээс энэ хаврын чуулганы хугацаанд багтааж тодорхой санал оруулж ирнэ гэж бодож байна.

-Оюу толгойн гэрээний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ тун удахгүй хэлэлцэж эхэлнэ. УИХ-аас Засгийн газрыг Рио Тинтотой хэлэлцээрийн ширээний ард суух чиг үүргийг өгөх үү?

-Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан. Ажлын хэсгийн зүгээс Дубайн гэрээг хүчингүй болгох, 2009 онд болсон хөрөнгө оруулалтын гэрээний зарим заалтыг эргэж харах, сайжруулах чиглэлээр ажиллах гэсэн хоёр гол дүгнэлт гаргасан. Ажлын хэсгийн дүгнэлтийг ойрын хугацаанд Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэнэ. Тус байнгын хорооноос шийдэл гарна гэж бодож байна. Эдийн засгийн байнгын хороо чуулган руу оруулж хэлэлцүүлье гэвэл чуулганы хуралдаанаар хэлэлцэж болно. Шаардлагагүй гэж үзвэл Эдийн засгийн байнгын хороо тогтоол гаргаад Засгийн газарт чиглэл өгчихөж болно. Энэ гэрээг Засгийн газар болон Оюу толгой компани байгуулсан. УИХ-аас ажлын хэсэг гарч гэрээний хэрэгжилтийг шалгасан. Гэрээний хэрэгжилттэй холбоотой саналууд дээр бэлтгэх шийдвэрийн төсөл бэлэн болгоод байнгын хорооны юм уу, УИХ-ын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөх болов уу. Шийдвэр гарсны дараа Оюу толгой, Засгийн газар хэлэлцээрийн ширээний ард сууж, гэрээгээ сайжруулах чиглэлээр ажиллана байх гэж бодож байна. Энэ асуудлыг улстөржүүлж олон түвшинд яриад байх асуудал биш. Улстөржүүлэхийн оронд эдийн засгийн үүднээс хандаж аль болох хурдан шийдвэрлэх шаардлагатай юм.

-Рио Тинтогийн зүгээс гэрээнд өөрчлөлт оруулахгүй гэх хатуу байр суурийг илэрхийлсэн. Талууд хэлэлцээрийн ширээний ард сууж гэрээнд нааштайгаар өөрчлөлт оруулах боломж бий юү?

-Боломжгүй зүйл гэж байхгүй. Энэ бол хоёр талаасаа байгуулж буй гэрээ. Гэрээний гол зарчим нь хоёр талдаа харилцан ашигтай байх ёстой.

Ажлын хэсгийн дүгнэлт “Монголын талыг ашиг бага байна. Тиймээс гэрээг сайжруулах хэрэгтэй” гэж гарсан. Ажлын хэсэг дотроо таван дэд хэсэгтэйгээр жил гаруй хугацаанд ажилласан шүү дээ. УИХ нэгэнт ажлын хэсэг гаргаж ажлуулсан учраас дүгнэлтийг нь хэлэлцэж, чиглэл өгөх болно. Цаашид яаж, хэрхэн сайжруулах вэ гэдгийг Засгийн газар, Оюу толгой компани хэлэлцээрийн ширээнд сууж байж ярих ёстой юм.

-МАН-ын бүлэг “Итгэлийн зээл” өгөх улс төрийн шийдвэр гаргасан. Сонгуулийн шоу юм биш үү гэж шүүмжлэх хүмүүс байна л даа. Энэхүү зээлийн тухай тодруулаач?

-2016 оны сонгуульд орсон МАН-ын мөрийн хөтөлбөрт “Итгэлийн зээлийг бий болгоно” гэсэн заалттай юм. Одоо сонгууль болоход нэг жилийн хугацаа үлдэж байна. Мөрийн хөтөлбөрийнхөө биелэгдээгүй заалтыг хэрхэн биелүүлэх вэ гэдгийг ярьж байгаа. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсэг “Итгэлийн зээл”-ийн асуудлаар ажилласан. Төслөө бэлэн болгохоор явж байна. УИХ-д хараахан албан ёсоор өргөн бариагүй. Засгийн газраас санал авах гэх мэт процедурын ажил явж байна. Нэгэнт бид иргэдэд амлачихсан учраас энэ чиглэлд эрх зүйн орчин бүрдүүлэх ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн сангийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, зээлийг нь аль болох банкаар дамжуулахгүй болгочихож болно. Үүнийг бид итгэлийн зээл гээд нэрлээд явчихаж болно. Ганцхан эрх зүйн орчин бүрдээгүй учраас ийм хууль гаргая гэж яриад байгаа юм. Түүнээс энэ сонгуулийн шоу биш, харин өмнөх амлалтаа л биелүүлэх гэж буй явдал. Хүн бүрт 20 сая төгрөг өгнө гэдэг ойлголт огт байхгүй. Юм хийе гэж байгаа хүмүүст 500 мянган төгрөг, эсвэл нэг сая төгрөг ч болтугай өгөх юм. Банкны зээл авъя гэхээр барьцаа хөрөнгө байдаггүй иргэнд зориулсан л жижиг зээл гэсэн үг. Одоогоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл ийм чиглэлтэй явж байгаа.

-УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн асуудлаар Цэц маргаан үүсгэхээр болсон. Маргаан үүсгэх нь зөв үү?

-Маргаан үүсгэх нь зөв, буруу эсэхт дүгнэлт хэлэх эрх надад байхгүй. Үндсэн хууль зөрчсөн үгүйг шийддэг манаач буюу Цэц үүнийг шийдэх байх. Тийм учраас маргаантай холбоотой асуудлыг мэдэхгүй байна. Ер нь бол УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрөө гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа учраас гишүүнээсээ чөлөөлөгдье гэх хүсэлт гаргасан. Үүний дагуу жил гаруй хугацаанд шалгаад явж байгаа юм шиг байна лээ. Эцэслэсэн ч юм алга. Бидний зүгээс Хэнтийн аймгийн 42 дугаар тойрогт орно гэсэн байдалтайгаар л бэлтгэлээ хангаж байна.

-Сонгуулийн тухай хуулийг хэзээ хэлэлцэх вэ?

-Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ажлын хэсэг ажлаад дуусч байна. Энэ сардаа багтаан УИХ-д өргөн барина байх. Тийм учраас зургадугаар сардаа багтаан Сонгуулийн гурван хуулийг хэлэлцчих болов уу. Эцсийн хэлэлцүүлэг хийж батлахгүй ч гэсэн хэлэлцэх эсэхийг нь шийдэх, анхны хэлэлцүүлэг рүү орох хэмжээнд хүрчихнэ байх.

-Ямар гол өөрчлөлтүүд орох вэ?

-Нэгдүгээрт, сонгуулийн нэг хуулийг гурван хууль болгож байгаа. Ерөнхийлөгчийн, УИХ-ын, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хууль гэсэн гурван хууль болгож байна. Хоёрдугаарт, энэ хуулиуд нь тогтолцооноосоо шалтгаалаад өөр, өөр байх юм. Гурван шатны сонгууль байдаг учраас тус тусдаа хуультай байх нь зүйтэй юм гэсэн үндсэн зарчим явж байгаа. УИХ дээр сонгуулийн системийн тухай яригдана.

-Үндсэн хуулийг энэ хаврын чуулгандаа багтаан хэлэлцэх үү?

-Үндсэн хуулийн тухайд энэ сарын сүүл ирэх сарын эхээр өргөн баригдчих болов уу гэж бодож байна. Эхлээд их том төсөл гаргасан. Сүүлд нь бүлгээр хэд, хэдэн удаа хэлэлцээд гишүүдийн саналыг тусгалаа. Үүний дагуу хуулийнхаа заалтуудыг нэлээд өөрчилсөн. Мөлийлгөсөн гэсэн ойлгож болно. Зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа дөрвөн чиглэлээр багахан зэргийг өөрчлөлтүүдийг хийхээр бэлтгэж байна. УИХ-ыг хариуцлагатай болгох, Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлж, тогтвортой ажиллуулах, шүүхийн хараат бус байдлыг хангах, мөн орон нутгийн тогтолцоог илүү иргэд рүү чиглүүлсэн байх гэсэн дөрвөн чиглэлд өөрчлөлт хийхээр бэлтгэж байна. Хуулийн дагуу 57-оос доошгүй гишүүн гарын үсэг зурсан байх ёстой. Гишүүд гарын үсгээ зурж дууссаны дараа өргөн барих болов уу гэж бодож байна.

-Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Уг хуулиар гишүүдийн босч, сууж ярих тухай зохицуулах гэлээ, өөр хийх зүйл алга уу гэж иргэд шүүмжилж байна л даа. Энэ яг ямар ач холбогдолтой хууль юм бэ?

-Дэгийн тухай хоёр хууль өргөн баригдсан юм. Нэг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад УИХ-ын хуралдааныг зохион байгуулах Дэгийн тухай хууль юм. Энэ дэгийг байнгын хорооны гишүүд бүрэн дэмжсэн. Үндсэн хуульд өөрчлөлт орох юм бол бид тэр дэгээр явах ёстой. Тухайлбал, байнгын хорооны хуралдаан, УИХ-ын чуулган дөрөвний гурвын дэмжлэгтэйгээр явна. Үндсэн хуулийн үндсэн зарчим энэ юм. Тэр агуулгаар нь энэ төслийг дэмжчихэж байгаа юм. Хоёр дахь УИХ-ын Дэгийн тухай төсөл нь УИХ-ыг илүү хариуцлагатай, үйл ажиллагааг нь боловсронгуй болгоход чиглэсэн том төсөл. Гэхдээ гишүүд өнгөц хараад янз бүрээр хандаад байна. Босч, сууж ярихад ач холбогдол байна уу, үгүй юу гэх мэтээр ярьж байна. Амьдрал баян. УИХ-ын чуулганы хуралдаан явагдаж байхад зохицуулагдаагүй олон харилцаа гарч ирж байгаа юм. Дэгийн хууль өдөр тутмын УИХ-ын үйл ажиллагааг зохицуулж байдаг учраас өөрөө амьдралаас урган гарч байдаг хууль л даа. Тиймээс Дэгийн хуулийн энэ төслийг дэмжээд хамтатгаж хэлэлцээд, явцын дунд шаардлагагүй зүйлүүдийг хасч, улам сайжруулах чиглэлд бэлтгэх ёстой.

-МАН-ын бүлэг орж ирэх том хуулиуд дээрээ гол анхаарлаа хандуулж ажиллах нь гэж ойлголоо. Мөн авч үзэх ёстой өөр ямар асуудлууд байна гэж харж байгаа вэ?

-Хуулиараа зургадугаар сарын 1-ний дотор багтааж дөрвөн хууль тогтоолыг гаргах ёстой. Төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээний мэдэгдэл, Үндсэн чиглэлийн биелэлт, үндсэн чиглэлийн төсөл гэсэн энэ дөрвөн хуулийг бид батлах ёстой юм. Хугацаанаасаа өмнө амжиж батлахын тулд бид шаргуу ажиллаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг мөн зургадугаар сарын 1-нээс өмнө бэлэн болгож дуусгах ёстой. Бүлгээс ажлын хэсэг гарчихсан энэ асуудлууд дээр ажиллаж байна.

УИХ-аар Харилцаа холбооны багц хууль, Хоол үйлдвэрлэлийн тухай хууль, нийгмийн хамгааллын чиглэлээр Хөдөлмөрийн хууль болон бусад хэд, хэдэн хуулиуд хэлэлцэгдэж байна. Эдгээрийг хэлэлцсэний дараагаар Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг хэлэлцэж эхлэх байх. Бүлгийн хувьд хуулийн хугацаанд нь асуудлуудыг шийдэхийн төлөө шаргуу ажиллаж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Тэмүүлэн: Монгол төрийн бодлогыг биднээс түрүүлээд Оюу толгой компани тодорхойлж байгаа нь буруу

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


Оюу толгойн ажлын хэсгийн дүгнэлт, түүнийг тойрсон асуудлууд дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын 2018 оны 57 дугаар захирамжаар Оюу толгой төслийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх байсан ч хойшлогдоод гурав дахь долоо хоногтоо орох гэж байна. Миний хувьд хоёр долоо хоногийн өмнөөс л ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын чуулганаар даруй хэлэлцэж танилцахгүй бол энэхүү дүгнэлттэй холбогдуулаад Рио Тинто компанийн зүгээс хэвлэл мэдээллээр өөрийнхөө байр сууриудыг илэрхийлж эхэллээ гэдгийг хэлсэн. Энэ сарын 5-нд Рио Тинто компанийн Зэс, очир эрдэнийн группийн захирал Арнолд Саурет “Бид суурь гэрээ болох Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ Дубайн гэрээний нэг ч заалтыг өөрчлөхөөр хэлэлцээ хийхгүй. ХөОГ, НӨОДТХНГ болон ДУББСТ зэрэгт өөрчлөлт оруулах аливаа оролдлого гаргах нь бидний мэдлээс хэтэрсэн ноцтой үр дүнд хүргэнэ” гэж мэдэгдсэн байсан. Үүнтэй холбоотойгоор бид энэ асуудлыг бодитойгоор авч хэлэлцье, УИХ өөрийнхөө байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг бүтэц зохион байгуулалтынхаа хүрээнд сонсъё л гэдэг саналыг чуулганы хуралдаан дээр дэвшүүлсэн. Гэсэн ч ийнхүү гацсаар байна.

-Д.Дамба-Очир гишүүний хувьд тухайн компани хүсэлт гаргасан учир нууцын зэрэглэлтэй бус 43 хуудас материалыг явуулсан гэх байр суурийг илэрхийлсэн. Шалгалтын дүнгээ өөрсдөө хэлэлцэхээсээ өмнө шалгасан компанидаа өгчих нь ямар үр дагавартай юм бэ?

-Гол нь өөрийнхөө захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхээ дүгнэлтийг УИХ авч танилцаагүй байхад шалгагдсан байгууллага нь авч танилцаад, УИХ-д няцаалт, тайлбарыг бараг шаардах бичгийн дайтай хариуны хамт өгсөн нь буруу. Бүтэн жил илүү хугацаанд УИХ-ын ажлын хэсэг, Засгийн газрын харьяа байгууллагуудын 40, 50 төрийн албан хаагчид цаг нойргүй ажиллаж, Монголын төрийн бодлого чиглэлд зориулсан санал, зөвлөмж дүгнэлтийг гаргасан. Монгол төрийн төлөө тангараг өргөсөн энэ төрийн албан хаагчдын мэргэжлийн хүрээнд гаргасан санал, дүгнэлтүүдийг УИХ-д танилцуулахаар боловсруулсан. УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт бол Монгол төрийн бодлого гэж ойлгож болно. Оюу толгой компани биднээс түрүүлээд Монгол төрийн бодлогыг тодорхойлж байгаа нь буруу. Төрийн албан хаагчдынхаа санал, зөвлөмж, дүгнэлт дээр үндэслэж Монголын төр бодлого, чиглэл, шийдвэрээ гаргадаг. Монголын төр бодлогоо өөрөө гаргадаг байх ёстой. Гэтэл төрийн шийдвэрт урьдчилж нөлөөлөх нөхцөл байдал үүсчихлээ гэдэгт хувь хүнийхээ хувьд харамсаж байгаа.

-УИХ ажлын хэсгээс яг ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Мэдээж ажлын хэсгийн санал, дүгнэлт, зөвлөмж дээр үндэслэж УИХ-аас Засгийн газарт тодорхой чиглэл, үүрэг даалгаврыг өгөх ёстой. Оюу толгой төслийг сайн мэдэх хүний хувьд бидэнд энэ төсөлд залруулах ёстой асуудлууд байна. Монголын төр алдаа гаргасан бол алдаагаа засдаг байх нь чухал. 2015 онд монголчууд бид бодлогоо нэгтгэж чадаагүйгээсээ үүдэн нэг том алдаа гаргасан. Тэр бол Дубайн гэрээ юм. Дахиж өмнөх гэрээгээ үгүйсгэсэн, хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэрийг Монголын төр битгий гаргаасай гэдэг үүднээс энэ асуудлыг бид залруулах ёстой. Дубайн гэрээнээс гадна цаашид Монголын төр энэ төслөөс үр ашиг хүртэхийн тулд, үр өгөөжөө нэмэгдүүлэхийн тулд ямар бодлого баримтлах ёстой гэдгээ ярих ёстой.Гэхдээ зөвхөн Оюу толгой төсөл гэлтгүй ижил төстэй төслүүдийг ирээдүйд хэрэгжүүлж эхэллээ гэхэд бидний алдсан, оносон нь юу байв гэдгээ дүгнэмээр байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй холбогдуулж бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчид өнөөгийн бодит нөхцөл байдлыг бодитоор үнэлж, ирээдүй рүүгээ харсан гаргалгаа шийдвэрийг зөв гаргах ёстой гэж бодож байна. Уул уурхайн стратегийн төслүүдийн хүрээнд Монголын төрөөс цаашид баримтлах зарчим, бодлогын асуудлуудаа тодорхойлох шаардлагатай байна.

Хууль, эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох тал дээр бид юу анхаарах хэрэгтэй байна, цаашид Хөрөнгө оруулалтын тухай хуулиар 30 жилээр татварын орчныг тогтвортой байлгах зөв юм уу, эсхүл эхний 10 жилээр тогтворжуулах нь бизнесийн үйл ажиллагаа талаасаа нийцэх үү, Хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагч талтай байгуулахдаа тухайн төслийн эдийн засгийн үр өгөөжийг ямар эрх зүйн актаар баталгаажуулах уу, тооцооллыг төслийн ТЭЗҮ-д үндэслэх үү, гэрээг эцсийн хөрөнгө оруулагчтай байгуулах ёстой юу гээд эрх зүйн болон санхүүгийн үр дагавартай олон ойлголтыг цаашид тодорхой болгох шаардлагатай байна.

Өөрсдийгөө чадавхжуулах талаасаа юунд анхаарах уу гэдгээ ч бодох ёстой. Өмнөх дарга нар шиг бүдүүн дуу хоолойтой, бөх зүрхтэй хүмүүс Дубайн гэрээ шиг шийдвэр битгий гаргаасай гэдэгт анхаарах ёстой. Энэ бол бидний маш том сургамж. Цаашдаа бид татварын албаны дэргэд олон улсын татварын чиглэлээр мэргэшсэн албан хаагчидтай нэгжийг бий болгох, боловсон хүчнийг чадавхжуулах, цалин, урамшууллыг өрсөлдөхүйц тогтоох гээд олон асуудал байна.

-Дубайн гэрээг хүчингүй болгох хэрэгтэй гэж үү?

-Энэ гэрээний мөн чанар, агуулга нь өөрөө юу юм бэ гэдгийг бид эхлээд ойлгох ёстой. Дубайн гэрээний гол амин сүнс нь эхний ээлжинд 4.2-6 тэрбум хүртэлх ам.долларыг босгох, дараа нь хүссэн хэмжээгээрээ санхүүжилтийг босгоход чиглэгдсэн. Уг нь Оюу толгой төсөл ямар ч санхүүгийн шинэ эх үүсвэр ашиглахгүйгээр өөрөө өөрийнхөө жилийн борлуулалтын орлогоор үйл ажиллагаагаа саадгүй явуулах, бүтээн байгуулалтаа хийх бүрэн боломжтой. Тэгвэл Оюу толгой төсөлд төслийн санхүүжилт хэрэггүй байсан юм бол яагаад “Рио Тинто” энэ хэлцлийг хийх болсон юм бэ гэдгийг бид сайн ойлгох ёстой. Тухайн үед 2015 онд Рио Тинто компанийн үйлдвэрлэл болон орлогын дийлэнх хувийг эзэлдэг төмрийн хүдрийн групп нь уналтад орох асар өндөр магадлалтай байсан. Одоо ч хэвээрээ байгаа энэ санхүүгийн эрсдэлтэй байдлыг даван гарахын тулд компанийн зүгээс төмрийн хүдрийн салбарыг дэмжих аливаа нэмэлт санхүүгийн эх үүсвэрийг олох чиглэлээр эрчимтэй ажилласан. Эцсийн дүндээ бусад төслүүдээ дэмжих санхүүгийн эх үүсвэрийг босгох механизм нь Оюу толгой, энэ эрхийг нь олгох эрх зүйн гаргалгаа нь Дубайн гэрээ болж хувирсан гэдгийг бид сайтар ойлгох ёстой юм. Дубайн гэрээгээр Монголын талын эрх ашгийг анхаарсан, бидний хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн нэг ч үг үсэг байхгүй гэдгийг энэ төслийн яриа хэлэлцээнд нь эхнээс нь оролцож явсан хүний хувьд хэлье.

-Рио Тинтогийн зүгээс Оюу толгойн гэрээнд цэг, таслал ч өөрчлөхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Оюу толгойн гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн дүгнэлтэд харин гэрээнд томоохон өөрчлөлт хийх талаар тусгасан бололтой.Таны хувьд гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөх нь зөв гэж хэлэх гээд байна уу?

-Энэхүү асуултад чинь хариулахын тулд эхлээд би ерөнхий зарчмыг нь дахиад ярья л даа. Оюу толгойд Монголын төр хувь үр ашиг хүртэнэ, ашигтай ажиллана гэсэн үндсэн зарчмын хүрээнд уг төслийг эхлүүлсэн. Тэгэхээр эцсийн дүндээ төр яах гэж бизнест орж байна вэ. Ашиг олохын төлөө л орж байгаа. Оюу толгой төслөөс мөн л ашиг олохын төлөө орсон. Харилцан ашигтай гэрээ хэлцлийг хийж, УИХ-аар хэлэлцэж, зөвшөөрөл олгон тухайн төслийг эхлүүлсэн. Тухайн төслийг эхлүүлэхэд Монгол Улсад орох үр өгөөжийг шууд үзүүлэх өгөөжөөр хэмжиж тохиролцсон юм. Бусдаар шууд бус үр өгөөж нь ямар ч хэмжээнд байж болно. Нэгэнтээ Засгийн газар өөрийн төрийн аж ахуйн нэгжээрээ дамжуулан бизнест орж буй бол үр өгөөж нь татвар, хураамж болон ногдол ашгаар хэмжигдэх ёстой. 2009 онд байгуулсан гэрээгээр Монгол Улсад шууд үр өгөөжөөрөө ашигтай төсөл байсан. Төслөөс гарах нийт мөнгөн урсгалын 53 хувийг Монгол Улсын Засгийн газарт төвлөрүүлэх гэрээ хэлцэлтэй байлаа. Энэ гэрээний дагуу жил болгон авах татвар маань доод тал нь 500-700 сая ам.доллар байхаар, мөн дээр нь нэмж 2019 оноос хойш ногдол ашиг авах боломжтой байв. Ногдол ашиг нь 300-500 сая ам.доллар буюу жилдээ нийт татвар хураамж, ногдол ашгаар нэг тэрбум гаруй ам.доллар улсын төсөвт төвлөрүүлэхээр байлаа. Гэтэл хий хоосон улстөржөөд, ард түмэнд таалагдахын тулд шийдвэр гаргаж байгаад өмнөх бүх сайн зүйлүүдээ Дубайд очоод үгүйсгэчихсэн. Харалган бодлого төрд явсны гай л даа. Төр өмнөх алдаагаа давтахгүй ажиллах, том төслүүд дээр сургамжтай байхын тулд энэ Дубайн гэгдэх гэрээг өөрчлөх асуудлыг зарчмын хувьд ярих л ёстой. Яриа хэлэлцээний хувьд бол энэ төсөл хамгийн багадаа 60-70 жил үргэлжилнэ. Урт хугацааны төсөлд хоёр талууд маргалдах тохиолдлууд их гарна. Бэрхшээлүүд ч их үүснэ. Тиймээс хэлэлцээний ширээнд байнга л сууж байх ёстой. Бид урт хугацаанд түншлэх гэж байгаа бол тухай бүрт нь асуудлуудаа шийддэг механизмыг хийх ёстой. Тав хүртэлх жилийн үечлэлтэйгээр хэлэлцээрийн ширээний ард суугаад асуудлуудаа шийдэж болно.

-Рио Тинтогоос өөр БНХАУ-ын компани орж ирэх магадлалтай гэх зүйл яригдаад байх шиг байна. Ийм боломж бий юү?

-Рио Тинто Дубайн гэрээний дараахь өнөөгийн нөхцөл байдалд Оюу толгойг орхиод гараад явахыг үгүйсгэх аргагүй. Дубайн гэрээний дагуу хийсэн санхүүгийн механизмын хүрээнд өөрийнхөө бүх эрсдэлийг хааж, оруулсан хөрөнгө оруулалтаа гаргаад авсан учраас хувьцаагаа зарж, ашгаа хийгээд гараад явахад ямар нэг уягдах зүйлгүй. Эрсдэлгүй болсон гэж ойлгож болно. Уг нь ямар ч эрүүл бизнест тэр дундаа Хөрөнгө оруулалтын гэрээгээрээ төслийг урт хугацаанд ашигтай ажиллуулаад, тэрний дараа ногдол ашиг авах байдлаар хөрөнгө оруулалтаа нөхөх байсан. Уг нь ерөнхий агуулгаараа Оюу толгой төсөлд зарцуулж далд бүтээн байгуулалт нэрийн дор зээл, төслийн санхүүжилт авсан бол түүнийгээ бүтээн байгуулалтдаа зарцуулах ёстой байсан. Гэтэл 2015 онд төслийн санхүүжилт нэрээр авсан 4.3 тэрбум ам.долларын зээлийн эх үүсвэрийг Рио Тинто зөвхөн өөрийнхөө Оюутолгой төсөлд өмнө хийсэн хөрөнгө оруулалтаа буцааж гаргахад л ашигласан. Өөрийнхөө зөвхөн эрсдэлийг бууруулахад, Хувь нийлүүлэгчдийн зээлийг эргэн төлөхөд ашигласан. Дээр нь өөртөө зөвхөн зориулсан зээл дээрээ РТ-ийн баталгааны шимтгэл 1.9 хувь, бусад шимтгэл хураамж зэрэг нэмэлт зардлуудыг хиймлээр бий болгож ашиг хийсэн байгаа. Уг нь уг зээлийн олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зардал нь дунджаар LIBOR+3.3 орчим хувьтай бол өнөөдөр Оюу толгойд ирж байгаа зардал нь LIBOR+6.5 болж байна. Зээлийн хүүгийн тал зардал Рио Тинто үр өгөөж хэлбэрээр очиж байгаа. Энэ мэт байдлаар Рио Тинто өөрийнхөө оруулсан бүх зардлыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гаргаж авч байгаа. Тэгэхээр Оюу толгой төслийн нэрээр 4.3 тэрбум ам.долларыг төслийн санхүүжилтээр босгохдоо Оюу толгойн хувьцаа, хөдлөх хөрөнгүүд, үл хөдлөх хөрөнгүүд, ашиглалтын тусгай зөвшөөрөлх, дотоод, гадаадын данснууд зэргийг барьцаалсан. 2014, 2015 онд ганцхан Рио Тинтотой харьцаж байсан бол өнөөдөр 14, 15 банк санхүүгийн байгууллагуудтай нэгэн зэрэг хэлэлцээр хийх шаардлагатай болно гэсэн үг.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтбаатар: Монгол Улсын гадаад бодлого хамгийн тогтвортой, зарим утгаараа боловсронгуй болж төлөвшсөн гэж би итгэдэг

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.


-Гадаад харилцааны яам ойрын үед ямар ажлууд дээр голчлон анхаарч байна вэ?

-Гадаад харилцааны яам бараг 24 цаг ажилладаг гэж болохоор өвөрмөц үйл ажиллагаатай байгууллага. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, манай улс дэлхийн олон улс орон, бүс нутагт дипломат төлөөлөгчийн газруудтай, байнга л тэдгээртэйгээ холбоотой ажилладгийг хэлж байгаа юм л даа. Манай яам гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хариуцан ажилладаг. Энэ тал дээр түлхүү тоймлон ярихыг хүсч байна. Ойрын үед хийхээр төлөвлөж буй ажлуудаас дурдвал бизнесийнхэн, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилготойгоор Худалдааны төлөөлөгчийн газруудыг шинээр сэргээн байгуулахаар болоод байна.

Томоохон компаниуд гадаад зах зээлд биеэ даагаад, учраа олоод явчихаж байна. Харин жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хараахан чадахгүй байгаа юм. Тиймээс энэ талд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Бид 2024 он хүртэл хөтөлбөр гаргаж, экспортын урсгал хаана илүү амжилттай явж байгааг тооцож худалдааны төлөөлөгчийн газруудын байршлыг тогтооно. Бид нэг хэсэг зөвхөн мөнгө, эдийн засаг гэж явлаа. Дэлхийн байдал их өөрчлөгдөж, олон орны эдийн засгийн хүндрэл улс төрийн асуудал болж байна. Иймээс бид сонгодог дипломат үйл ажиллагаа, улс төрийн яриа хэлэлцээрт идэвхтэй оролцож байх нь эдийн засгийн ч, улс төрийн ч ач холбогдолтой болчихоод байгаа хэрэг.

-Засгийн газраас сүүлийн үед уул уурхайн бус бараа, бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах тал дээр түлхүү анхаарч байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Тийм ээ. Уул уурхайн бус, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн экспортлоход бид анхаарч ажиллаж байна. Саяхан ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч А.Винод нарын хамт нийслэлийн зарим сүүний үйлдвэртэй танилцлаа. Өнгөрсөн жил ноён А.Винод итгэмжлэх захидлаа гардуулах үеэр нь хамтдаа манай сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдтэй танилцах санал тавьж байсан юм. Эрхэм А.Винод уг саналыг ажил хэрэгчээр орхилгүй сануулснаар бид хамтдаа үйлдвэрүүдээр орж танилцсан. Зөвхөн сүү, сүүн бүтээгдэхүүн гэлтгүй хүнс, арьс ширэн эдлэл, оёмол сүлжмэл зэрэг барааны чанар стандарт сайжрахын хэрээр манай бүтээгдэхүүн гадаад зах зээлд гарах боломж баталгаажина.

Гадаад харилцааны яам энэ чиглэлийн зах зээлийг нээлттэй байлгах дээр илүүтэй анхаарч байгаа. Бид мах гаргах дээр дэмжлэг үзүүлж ажилласнаар экспорт эрс нэмэгдсэн. 2014 оныхтой харьцуулахад 2018 онд 30 дахин өссөн. Гол нь төр бизнесүүдийн урдуур нь орж, ажлыг нь авч хийх гэж зүтгэж байна гэдэг утгаар ойлгож хэрхэвч болохгүй. Хувийн салбарынхны үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг гаргаад, зарах нөхцөл боломжийг нь тэлэхийн төлөө л ажиллах ёстой. Энд бас нэг зүйлийг онцлоход гадаадын хөрөнгө оруулагчдад учирдаг хүндрэлийг багасгах зорилгоор “Invest in Mon­golia Center” нэг цэгийн үйлчилгээний төвийг нээгээд байна. Манай улсын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн онд ойролцоогоор 13 тэрбум ам.доллар хүрсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон. Экспортын хэмжээ долоон тэрбум ам.долларт хүрсэн нь бас түүхэн амжилт. Мөн өнгөрөгч онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2015 онтой харьцуулахад 1.5 дахин нэмэгдэж, 2.01 тэрбум ам.долларт хүрсэн. 2019 онд энэ хүрсэн түвшингээ бататгах, ахиулахын төлөө ажиллаж байна. Мөн Мянганы сорилтын корпорацитай байгуулсан хоёр дахь компакт гэрээ байгуулагдаж бодит ажил хэрэг болоод эхэллээ. Зөвхөн эдийн засаг, худалдааны чиглэлд хийгдэж байгаа ажлуудаа тоймлон ярихад ийм байна.

Гадаад бодлогын асуудлыг хариуцан ажиллаж байгаагийн хувьд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Монгол Улсын гадаад бодлого хамгийн тогтвортой, зарим утгаараа боловсронгуй болж төлөвшсөн гэж би итгэдэг. Монгол Улс дэлхийн долоон тэрбум хүнтэй хэрхэн зохицож, өөрийгөө таниулж, аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зэргээ маш өвөрмөцөөр боловсруулчихсан улс. Түүнийгээ дэлхийн хамтын нийгэмлэгээр ч хүлээн зөвшөөрүүлчихсэн. Монголын хичнээн зүйлийг дэлхий даяараа зөвшөөрсөн байдаг билээ дээ. Ингээд бодохоор манай гадаад бодлого бас их боломжийн түвшинд боловсронгуй болжээ гэж хэлж болохоор байгаа биз.

-Монгол Улсын уугуул иргэн байх нөхцөлтэйгөөр давхар иргэншил авах хүсэлтэй байдаг талаараа гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын зүгээс хэлдэг. Энэ асуудлыг хэрхэн шийдэх нь зөв юм бэ?

-Харьяатын тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар Монгол Улс давхар харьяаллыг зөвшөөрдөггүй. Мөн энэ хуулийн 7.1-т зааснаар эцэг, эх нь хоёулаа Монгол Улсын иргэн бол хүүхэд нь ч бас Монголын иргэншилтэй байх учиртай. Гэхдээ манай иргэд тэдний үр, хүүхэд давхар иргэншилтэй болсон байх тохиолдлууд бий. Бид асуудалд хүлээцтэй ханддаг хэдий ч цаанаасаа учир шалтгаантай гарсан хууль тогтоомжоо бас биелүүлнэ.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа юу. Ямар өөрчлөлтүүд тусгагдаасай гэж бодож байгаа вэ?

-Үндсэн хуулийн анхдагч бөгөөд суурь үзэл санаанд нийцсэн өөрчлөлтүүд орох ёстой. Өөрөөр хэлбэл парламентын сонгодог тогтолцоог жинхэнэ утгаар нь бүрэлдүүлэн хөгжүүлэхийг дэмжинэ.

-Ойрын үед хийсэн томоохон айлчлал болоод түүгээр шийдвэрлэсэн асуудлуудын талаар тодруулаач?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлалын өмнөхөн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван Игийн урилгаар тус улсад айлчилсан. Айлчлалын үр дүнгийн талаар хэлбэл, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр талын харилцаа нь тус тусын гадаад бодлогод тэргүүлэх байр суурь эзэлдгийг санал нэгтэй тэмдэглэсэн. Энэ онд Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ байгуулсны 25 жилийн ой тохиож байгаа. Эдгээр ойн хүрээнд улс төр, худалдаа, соёл, хүмүүнлэг, орон нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр олон чухал арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Түүнчлэн хоёр талын худалдааны 2018 онд хүрсэн амжилтыг ахиулж шинэ түвшинд гаргах, ингэхдээ худалдааны бүтцийг сайжруулах, экспортыг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй хориг саадыг бууруулах чиглэлд хамтарч ажиллах талаар санал солилцсон. Мөн хамтын ажиллагааны төслүүдийн явцын талаар Ван И сайдтай дэлгэрэнгүй ярилцсан. Хятадын талаас Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих, гэр хорооллыг орон сууцжуулах, хөдөө аж ахуйн болон бусад салбарт хэрэгжүүлэх төслүүдийн явцыг түргэтгэхэд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн. Монгол, Хятадын хилийн боомтуудын зэрэглэлийг дээшлүүлэх, зарим боомтын ажиллах цагийн хуваарийг уртасгах, боомт дээр үүсдэг хүндрэл, бэрхшээлийг бууруулах зэрэг асуудлаар үргэлжлүүлэн хамтран ажиллахаар ч тохиролцлоо. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар Төрийн айлчлал хийснийг онцлох нь зүйтэй. Хоёр орны Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээний дараа олон гэрээ хэлэлцээр, баримт бичигт гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой үйл явдал болсон гэж үзэж байна. Айлчлалаас гадна олон талт хамтын ажиллагааны хүрээнд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 18 дахь өвлийн хуралдаанд оролцсон. Энэ үеэр Торгоны замын дагуух улс орнуудын эдийн засгийн бодит хамтын ажиллагааг дэмжиж, худалдааны эргэлтийг эрчимжүүлэхийн тулд тэдгээрийн хил, гааль, мэргэжлийн хяналт, шалгалтын дүрэм журам, стандарт, шаардлагуудыг уялдуулж, хялбаршуулан хөнгөвчлөх талаарх саналаа илэрхийлсэн юм. Үүнээс гадна энэ оны хоёрдугаар сарын дундуур ХБНГУ-ын Мюнхен хотноо болсон 55 дахь удаагийн “Мюнхений аюулгүй байдлын бага хурал”-д оролцож, Олон улсын валютын сангийн Гүйцэтгэх захирал, хатагтай Кристин Лагардтай уулзсан.

-Та өнгөрөгч сард Минск явсан. Яг ямар ажлаар явсан бэ?

-Беларусийн Минск хотноо дөрөвдүгээр сард болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн дэргэдэх “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн олон улсын бага хуралд оролцсон. Энэ бага хурлын нээлтэнд нь үг хэлсэн. “Олон улсын дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх нь “Бүс ба Зам” санаачилгын амжилтын үндэс” сэдэвт салбар хуралдаанд илтгэгчээр оролцон, бага хурлын төлөөлөгчидтэй Торгоны замын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг үр ашигтай өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсон.

-Элчин сайд нарыг томилох асуудал хэзээ шийдэгдэх бол?

-Одоогийн байдлаар яамныхаа түвшинд саналаа боловсруулчихсан байгаа. Энэ удаа 10 гаруй Элчин сайдын асуудал яригдана. Төрийн албаны тухай хуулийн дагуу, ажиллах ур чадвар, төрийн албаны туршлага, өгсөн үүрэг даалгаврыг шинэлэгээр сэтгээд биелүүлж чадах зэрэг шалгуураар хүмүүсээ оруулж ирнэ. Элчин сайд томилогдоход тодорхой цаг хугацаа орно. Энэ хооронд түр хамаарагч ажиллаад, дипломат албаны үйл ажиллагаа тасалдахгүй явж байдаг. Австрали, Тайландын Элчин сайд нар одоо ч ажиллаж байгаа. Буцааж эгүүлэн татаагүй байна. Тэдний хугацаа нь зургадугаар сард дуусна. Түүнээс өмнө татдаггүй.

-Ц.Нямдорж сайдын хүү Н.Анхбаяр аль улсын Элчин сайд болохоор яригдаж байгаа вэ?

– Н.Анхбаяр Гадаад хэргийн яаманд олон жил ажиллаж байгаа. АНУ-ын Сан-Франциско хотод ерөнхий консулаар ажиллаж байсан туршлагатай. Өөрөөр хэлбэл, дипломат төлөөлөгчийн газрыг удирдаж үзсэн туршлагатай, элчингээр ажиллах цаг нь болсон хүн.

Categories
мэдээ цаг-үе

Б.Саранчимэг: Итгэлийн зээлийг ямар ч Засгийн газар байсан үр өгөөжтэй л ашиглах хэрэгтэй

-МАЛ АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДЭЭС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХГҮЙ, ХАРИН ЦААШДАА АВАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭДЭГ ДЭЭР САНАЛ НЭГДСЭН-

УИХын гишүүн Б.Саранчимэгтэй ярилцлаа.


-ман-ын бүлэг итгэлийн зээл олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж, бүлгийн гишүүдийн олонх нь дэмжих улс төрийн шийдвэр гаргасан. энэ зээл хэрэгжих боломжтой юу?

-Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, бизнес эрхлэгчдэд зориулсан таатай нөхцөл бүхий Итгэлийн зээл олгох бодлого баримтална гэж туссан байгаа.

Өнгөрсөн намын бүлгийн хурал дээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Итгэлийн зээлийн төслийн талаарх танилцуулгыг хийж, гишүүд санал бодлоо илэрхийлсэн. Одоогоор энэ зээлийн тухай тодорхой шалгуур нөхцөлүүдийг тусгасан хуулийн төслийг Их хуралд өргөн бариагүй. Гишүүдийн гар дээр ирээгүй байгаа учраас тодорхой ярих боломжгүй байна. Гэхдээ зээлийг өгөхдөө өнгөрсөн алдаа, сургамж дээрээ тулгуурлаж олгох нь чухал. Тодруулбал, ямар ч Засгийн газар төр барихаас үл шалтгаалан үр өгөөжтэй байлгах хэрэгтэй. Иймийн тулд баримтлах зарчмууд нь тодорхой байх ёстой юм. Зээл бол халамж биш, харин боломж гэдгийг өгч, авч байгаа хэн хэн нь ухамсарлан ойлгох хэрэгтэй. Зээлийг ямар зорилгоор, хэр хэмжээтэй, хэдий хугацаагаар өгөх шалгуурууд нь тодорхой байх ёстой. Тэгэхгүй бол зээл өгөөжгүй болж, улсын төсвийг дэмий үрсэн хэрэг болно.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухайд таны байр суурь ямар байна вэ?

-Би өнөөгийн нөхцөл байдалд Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэдэг дээр санал нэгтэй байдаг. Гэхдээ ямар ч хуулиас бүр өндөгнөөс хүртэл өө олддог гэдэг шиг хуулийг зөвөөр тайлбарлах, дагаж мөрдөх ухамсар байхгүй бол өөрчлөх заалтууд гарч ирсээр л байна. Өнөөгийн улс төр нийгэм, эдийн засгийн шаардлагаар Монгол Улсын Үндсэн хууль тодорхой хэмжээнд өөрчлөгдөх ёстой гэж бодож байна.

Үндсэн хуулиар төрийн эрх мэдэл хуваарилах болон засаглалтай хамааралтай асуудлыг хариуцлагатай, тогтвортой байхаар өшөө илүү тодорхой заах ёстой.

-Ус бохирдуулсны тухай хууль батлагдсан. Хуульд ямар гол зохицуулалтууд тусгагдав?

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталсан. Тухайн үед Засгийн газрын дагалдан гарах журам батлагдан гарч хэрэгжих ёстой байсан. Гэсэн ч журам нь батлагдаагүйгээс болж хууль хэрэгжээгүй. Усны бохирдлыг зайлшгүй авч үзэх ёстой гэж үзсэн учир энэ Засгийн газрын үед оруулж ирж байгаа юм. Миний хувьд УИХ-ын ажлын хэсгийг ахалж ажилласан. Уг хууль нь усныхаа нөөцийг хамгаалж, дахин ашиглах, бохир усыг цэвэрлэн ашиглах технологийг нэвтрүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Тиймдээ ч миний бие зарчмын хувьд энэ хуулийг дэмжиж, ахлаад явж байна. Манай ажлын хэсэг уг хуулийн төсөл дээр маш сайн ажилласан гэж үзэж байгаа. Хуулийн төсөлд усны доод болон дээд төлбөрт өөрчлөлт оруулсан. Засгийн газар төлбөрийн хэмжээг уг хязгаарын хүрээнд тогтооно. Тодруулбал, ус бохирдуулсны төлбөрийг хамгийн дээд хэмжээнд хүртэл нь баталж, харин ногдуулах эрх нь Засгийн газарт үлдэнэ гэсэн үг.

-Уул уурхайн компаниудыг ус бохирдуулсны төлбөрөөс чөлөөлөх нь гэх мэдээлэл гарсан. Хуульд ийм зохицуулалт туссан юм уу?

-Уул уурхайн компаниудаас ус бохирдуулсны төлбөр авахгүй нь гэдэг буруу мессэж нийгэмд тархсан. Энэ бол худал мэдээлэл юм. Хаягдал усны чанар стандартад заасан хэмжээнд байвал ус бохирдуулсны төлбөр бага төлнө.

Харин стандартаас хэтэрвэл өндөр нөхөн төлбөр төлөх юм. Энэ нь эрх тэгш, шударга байх зарчмаар ус бохирдуулсны төлбөрийг ногдуулж байгаа явдал гэж үзэж байгаа.

-Мал аж ахуй эрхлэгчдээс ус ашигласны төлбөр авах уу?

-Мал аж ахуй, газар тариалан бол хамгийн их ус ашигладаг салбар. Засгийн газрын зүгээс хуулийн төсөлд мал аж ахуй, газар тариалангийн салбараас ус ашигласны төлбөр авна гэж оруулж ирсэн байсан. Гэхдээ ажлын хэсгийн зүгээс Төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөлтэй уулзсаны үндсэн дээр мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдээс ус бохирдуулсны төлбөр авахгүй, харин цаашдаа авах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн.

Ер нь бол манай улсад 120 сая м.куб ус бохирдолтой байна. Энэ хууль батлагдсанаараа Туул, Хэрлэн, Орхон, Хараа, Хангал зэрэг гол, горхи руу цутгаж байгаа бохир ус багасна.

Түүнчлэн АНУ-ын Мянганы сорилтын сангаас Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал усыг дахин цэвэрлэж ашиглах үйлдвэр барихад зориулж 360 сая ам.долларын тусламж үзүүлэх юм. Энэ хууль батлагдсанаараа уг тусламж орж ирэх нөхцөл бүрдэж байгаа. Мөн цаашдаа усыг хамгаалах, дахин ашиглахад чиглэсэн гадны хөрөнгө оруулалтууд нэмэгдэнэ гэсэн үг. Бид энэ Мянганы сорилтын сангийн тусламжийн хүрээнд үүрэг хүлээсэн. 2013 оны усны бохирдолын түвшин одоогийнхоос хамаагүй бага байж. Иймд усны бохирдлын хэмжээг 2013 оныхтой ч болтугай ижил түвшинд аваачихыг бидэнд үүрэг болгосон. Ямартаа ч хууль хэрэгжиж эхэлснээр хаягдал усны бохирдлын хэмжээ буурч, гол, нуур цэвэршиж, байгаль орчны доройтол буурна гэж харж байна.

Хамгийн гол нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих нь чухал байна. Хууль зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

-Ус бохирдуулсны төлбөрийг иргэд, аж ахуйн нэгжээс хэрхэн төвлөрүүлэх вэ. эргээд ус бохирдохоос сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулагдаж чадах уу?

-Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээнд төлбөр ногдуулж, ус бохирдуулсны төлбөрийн орлогыг татварын байгууллагаар дамжуулж төвлөрүүлнэ. Энэхүү Байгаль хамгаалах санд орсон орлогыг усны бохирдлыг арилгах, хяналт шалгалт хийхэд зориулах юм. Бүр цаашлаад төлбөрийн орлогын 50-иас доошгүй хувийг тухайн цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулна гэж тусгасан. Тэгэхээр хуульд ийм тодорхой заачихсан учраас цэвэрлэх байгууламжууд засвар үйлчилгээгээ тогтмол хийж, хэвийн ажиллах нөхцөлөө бүрдүүлэхэд анхаарч, хувь нэмрээ оруулна гэж үзэж байна. Улаанбааатар хотын хэмжээнд байгальд хаягдал ус шууд нийлүүлж байгаа Төв цэвэрлэх байгууламжийн усны дээжийг авч, Байгаль орчны төв лабараторидоо шинжлүүлээд усны төлбөрийг ногдуулах юм. Хуулийн хэрэгжилтийн хяналтын үүргийг Мэргэжлийн хяналтын байгууллага, тухайн сав газрын хяналтын байцаагч хариуцаад явна. Улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрийг төлөх аж ахуйн нэгж байгууллагууд 60-иад мянга байна гэж тооцсон. Эдгээр байгууллагуудаас жилд гурван тэрбум төгрөгийн төлбөр төлөгдөнө.

Бид аж ахуйн нэгжээс ус ашигласны төлбөр авах гээд байгаа мэт харагдаж байгаа байх. Гэхдээ өнөөдөр хамгийн үнэтэй, чандмань эрдэнэ болсон усыг хайрлан хамгаалах, багаар бохирдуулах шаардлага зайлшгүй тулгарч байгаа юм.


Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн нь Монголын төрд хэзээ ч давтагдах ёсгүй зүйл боллоо

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Та Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаярын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж, С.Зоригийн хэргийг замхруулсан гэсэн. Харин дэд сайд асан Б.Энхбаяр “Засгийн газрын өргөн барьсан төсөлд тийм зүйл байгаагүй. Хөөн хэлэлцэх хугацааг гишүүд өөрчилж, хуулийг баталсан” гэж буй. Та өөрчлөөд, баталчихсан юм биш үү?

-Аливаа хуулийг гардаж хийж байгаа нь мэргэжлийн ажлын хэсэг байдаг. Уг дэд ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд ахалж, мөн Дээд шүүхийн хоёр шүүгч, Улсын ерөнхий прокурорын орлогч зэрэг хүмүүс орж ажилласан. Ер нь бол дэд ажлын хэсэг нь хуулийг хийдэг. Тэр ажлын хэсэг тухайн хуулиа УИХ-ын өмнө хариуцдаг. Гишүүдийн асуултад тэд хариулдаг. Дээрээс нь УИХ-ын гишүүдийн ажлын хэсэг гардаг. Уг ажлын хэсэгт Х.Нямбаатар гишүүн болон миний бие орсон. Энэхүү ажлын хэсэг нь гишүүдээс гарч буй албан ёсны саналыг хэлэлцээд хуульдаа тусгах, үгүйг нь шийддэг. Улмаар байнгын хороон дээр санал хурааж шийддэг юм. Хуульд аливаа хийдэл, буруу зөрүү зүйл орсон бол мэргэжлийн ажлын хэсэг хамгийн эхэнд хариуцна. Энэ хуульд орсон өөрчлөлтүүд нь ийм үр дагавартай шүү гэдгийг хэлэх ёстой. Гэтэл Засгийн газраас өргөн бариагүй, УИХ-ын ажлын хэсэг дээр яригдаагүй асуудлыг дэд ажлын хэсэг байнгын хороон дээр хөтлөөд, хариулаад, боловсруулж өгөөд, хулгайгаар УИХ-аар батлуулаад явчихсан. Үүнийг л би хэлээд байгаа юм. С.Зоригийн хэргийн асуудлыг судлаад явж байхдаа хуульд тэрхүү өөрчлөлтийг шургуулчихсаныг мэдсэн.

-Хуулийг баталж байх үед нь та энэ зүйлийг хэлж болоогүй юм уу?

-Хүний эрх ярьж байгаад л бидний саналыг авчих. Цаад зорилго нь авлига, албан тушаалын хэргүүдийг хаацайлах, С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах байж. Ийм зорилготой хуулийн хулгай явчихаж. Тэр үед чуулганы нэгдсэн хуралдаан дээр Д.Лүндээжанцан гишүүн “Энэ маш үр дагавартай хууль шүү.

Ямар хэргүүдэд яаж нөлөөлөх вэ” гэх зэргээр мэргэжлийн зүйлүүдийг ярьж байсан байна. Ер нь ч тэгээд энэ хуулийг хэлэлцэхэд хэний ч саналыг авахгүй, тулгаад л, явц дундын нэг санал хураалт болгоод л явуулчихсан. Хуулийн хариуцлагагүй санал хураалтууд явагддагтай л адил юм болсон. Харин энэ үед ажлын дэд хэсгийг ахалсан Б.Энхбаяр алчуураа гаргаж шидэх ёстой байсан юм. Дээд шүүхийн шүүгчид, прокурорын орлогч ч мөн адил юу болоод байгаа талаар тайлбарлаж болох байсан. Гэтэл таг чиг байж. Ганцхан Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч “Ш.раднаасэд гишүүний тавьж байгаа асуудал зөв байна. Нэг жилийн ялтай хүн бүх насаараа яллагдагч болох гээд байгаа. Үүнийг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд өөрчлөлт оруулснаар шийдэж болно” гэх зүйлийг ярьсан. Хүмүүс ч итгэсэн. Мэргэжлийн хүмүүст, мэргэжлийн ажлын хэсэгт л хүмүүс итгэдэг юм шүү дээ. Тэд бусдыг хөтөлсөн байна. Харин үр дагавар нь өнөөдөр гарч байна. УИХ дээр хуулийн хулгай их гардаг л даа. Түүхэнд олон тохиолдол бий.

-Энэ хуулийн өөрчлөлт хэнд ашигтай байв. О.Баасанхүү гишүүн бол танд ашигтай байсан гээд байгаа шүү дээ.

-Надад яагаад ашигтай байдаг билээ.

-О.Баасанхүү гишүүн таныг “Хэргүүдийнх нь хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас ингэж шударга дүрд тоглож байна” гэсэн байна лээ.

-Намайг таван жил хонгилоороо оруулаад төрснөөс хойших бүх зүйлийг минь шалгачихсан. АТГ, ТЕГ-ын дарга, бүрэн эрх мэдлийг барьчихсан хонгил намайг нэг бүрчлэн шалгасан. Солонгосын гүтгэлгээс өөр юу ч олоогүй. Тэр нь гурван шатны шүүхээр гүтгэлэг гэдэг нь тогтоогдчихсон. О.Баасанхүү гишүүн дахиад шалгаж байгаа юм гэсэн. Дахиад шалгаасай. О.Баасанхүү гишүүн надтай холбоотой бүх материалыг өг гээд л АТГ гэх мэт байгууллагууд руу дарамталж ярьж байгаа сурагтай байна лээ. Үүнийг би маш зөв гэж бодож байгаа. О.Баасанхүүд их баярлаж байна. Миний нэрийг цэвэрлэж өгөх хамгийн сүүлийн хүн нь О.Баасанхүү байх нь.

Ер нь энэ хуулийн өөрчлөлтийн ард би олон зүйлийг хардаж байгаа. Эрдэнэтийн асуудлаас эхлээд 23 том хэрэг бий. Энэ хэргүүдтэй уяж үзэж байна. Хамгийн гол нь С.Зоригийн хэргийг гэм зэмгүй хүмүүст ял тулгаж шийдчихээд, захиалагч, хамжсан тусалсан, энэ бүхнийг булзааруулсан хүмүүсийг илрүүлэхээс зайлсхийж буй хэрэг. Үүнд их олон хүний сонирхол нийлсэн гэж харж байна. Мөн дээрээс Байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч зэрэг нь шинэ гишүүдийг хөтлөөд, өөр юм ярьж байгаад өнөөх санаагаа шургуулчихсан. Гэхдээ хөвөнд боочихсон чулуу байсныг өнөөдөр л ойлгож байгаа. Миний хувьд энэ асуудлыг нэг жилийн өмнөөс л ярьсан. Огт тоохгүй байсан.

-Хөөн хэлэлцэх хугацаанд буцаан өөрчлөлт хийх үү?

-Байнгын хороон дээр тусгайлан шалгаж байгаа. Өргөн баригдаагүй, ажлын хэсгээр яригдаагүй учир энэ бол хууль бус хууль юм. УИХ ч гэсэн алдаагаа засаад хүчингүй болгочих хэрэгтэй. Угтаа бол энэ бүхнийг эрүүгийн хэрэг нээж шалгах ёстой. УИХ-ыг төөрөгдүүлж, хулгай луйврыг хаацайлж байгаа асуудал бол тоглоом биш. Монголын төрд хэзээ ч давтагдах ёсгүй зүйлийн нэг. Үүний цаана ял завшсан хүмүүс энэ бүхнийг зохион байгуулсныхаа төлөө ял хүлээх ёстой.

-Таныг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга байх үедээ байгууллагадаа төсвийн мөнгөөр машин авахаар бол “Бодь авто”-оосоо, үүдний харуулаа ч “Бодь секьюрити”-гээсээ гаргаж, гэрээ хийдэг байсан талаар дэд сайд асан Б.Энхбаяр хэлсэн. Энэ үнэн үү?

-Ингэж л гүтгээд байгаа юм. Шүүхдэлцдэг л байх даа. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байсан хүн ингэж ярьж байхаар мэргэжлээ сольсон нь дээр. Энэ бол гутамшиг. Ичиж үхмээр юм. Өөрийгөө УИХ-д нэр дэвших гэж байна гэж бодоод том, том юм яриад байх шиг байна. Эцэст нь ярьсан зүйлдээ бантаад сүйрч байх шиг байна л даа. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд хүн бүх хуулийг хэрэгжүүлдэг. Тийм байж миний гэмт хэрэг хийснийг мэдсэн гээд байгаа юм бол өнөөдөр хэлж байгаагаараа мань эр гэмт хэрэгтэн болох биш үү. Албан тушаалаараа олж авсан мэдээллээ өнөөдөр илчилж байгаа нь ч гэмт хэрэг. Тиймээс энэ хэргүүдийн үнэн мөнийг тогтоох хэрэгтэй. Энэ бол хамгийн инээдтэй асуудал. Одоо ийм юм болгонтой зууралдаад байх маш залхуутай асуудал л даа. Тэрнээс ч айхавтар хэрэгт нь гүтгэгдээд гурван шатны шүүхээр орж яллаа шүү дээ.

-Түр хороо эрүүдэн шүүсэн нийт зургаан өдрийн бичлэгийг үзнэ гэсэн үү?

-Түр хорооны ойрын үед хийх ажлын цар хүрээ маш тодорхой болсон. Эхний ажил маш сайн үр дүнтэй байгаа. Энэ хэрэгт хилсээр шийтгэгдсэн гэж үзэж байгаа Содномдаржаа, Чимэгээ нарыг суллах, хүний эрхийг хангах чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон. Эрүүдэн шүүсэн асуудлаар Хүний эрхийн Үндэсний комиссын дүгнэлтийг гаргуулсан. Эрүүдэн шүүсэн гэдэг нь хүний эрхийн байгууллагаар нотлогдчихлоо, Хууль зүйн байнгын хорооноос энэ дагуу эрхийг нь хангах арга хэмжээ ав гэсэн албан ёсны шийдвэр гарчихлаа. Одоо энэ асуудал Засгийн газар, хууль шүүхийн байгууллагаар үргэлжлээд явна. Энэ бол түр хорооны хийх нэн тэргүүний ажил юм. Улмаар Содномдаржаа, Чимэгээ нарын өмгөөлөгчтэй уулзаж, хуулийн байгууллагуудаас мэдээллийг нь сонсоно. Хамгийн гол нь дэлгэрэнгүй бичлэгүүдийг үзэх юм. Нууцын зэрэглэлд байх 70 хуудас материал, 70 минутын бичлэг бий юм билээ. Эдгээрийг ажлын хэсгийн хүрээнд үзэх ажлыг энэ долоо хоногт зохион байгуулна.

-“Шинэ нам” байгуулагдсан. Нийгэм та бүхнийг эерэг, сөрөг гээд янз бүрийн байдлаар л хүлээж авч байна. Намынхаа болон шинэ гишүүнийхээ тухай яриач?

-УИХ-ын гишүүнийг улс төрийн намын гишүүнчлэлгүй болгох нөхцөл бүрдүүлсэн. Бид олон жил гишүүнээр нь байж, намаа дэмжин хэдэнтээ суудалтай болгож байлаа. Намын гишүүнчлэлээсээ хасна гэдэг бол улс төрийн замналаа дуусга гэсэн үг л дээ. Гэхдээ дүнг нь сонгогчид л тавина. Тиймдээ ч бид хуулиар хүлээсэн үүрэг, өөрсдийнхөө улс төрийн үйл ажиллагааг үргэлжлүүлж сонгогчдодоо тайлангаа тавьж, дүнгээ тавиулах ёстой. Энэ хүрээнд МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдлийн байгууллагууд, иргэд, тэмцэгчид тавьсан зорилгоо ажил хэрэг болгохын төлөө улс төрийн цоо шинэ хүчин зохион байгуулах ажилд орсон. Үүнийг Ж.Батзандан гишүүн бид хоёр дэмжээд нэгдээд явж байгаа. Мөн С.Жавхлан гишүүн дэмжлээ. Ямартаа ч УИХ-д гурван суудалтай улс төрийн хүчин Монголын түүхэнд анх удаа мэндэлж байна. Үүнийг хэн ч өөрийнхөө өнцгөөр юу гэж ч харж болно. Гэхдээ улс төрийн хууль бол маш хатуу. Тоглоомын дүрэм маш ойлгомжтой. Тодруулбал, сонгууль л байдаг. Бидний тавьж буй зорилт, тэмцэл ард түмний эрх ашиг, сонирхолд нийцэж байгаа бол тэд дэмжинэ. Дэмжихгүй бол бид буруу байж. Ердөө л ийм. Энэ бол улстөрч хүний хувь заяа. Бид маш тодорхой зорилтуудын төлөө тэмцэж байгаа. Баялаг, газраа ард түмэндээ өгөх, нийгэмд шударга ёсны тогтолцоог хэвшүүлэх улс төрийн сонголтын төлөө эцсээ хүртэл явна.

-Шинэ нам ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна вэ?

-Эхний ээлжинд хорио цээртэй байсан Баян-Өлгий аймгаас бусад бүх аймгуудаар явчихаад ирлээ. Цаг нь болохоор Баян-Өлгий аймагт ажиллах болно. Энэ долоо хоногт бүх дүүргүүдэд очсон. Бүх, дүүрэг аймагт энэ улс төрийн шинэ хүчний нэгж, бүтэц бий болчихлоо. Өөрийн гэсэн дэмжигчидтэй ч болсон. Харин одоо үндэсний хэмжээний Их хурлаа хийх, Дээд шүүхэд бүртгүүлэх зэрэг ажлууд үлдээд байна.

-Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн баталлаа. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжийн эрхийг зөрчсөн явдал боллоо гэж байна. Та энэ хуулийг дэмжиж байгаа юу?

-Дэмжиж байгаа. Захиргааны хэргийн шүүх дээр иргэн хүн очоод ялаад байгаа юм байхгүй. Дандаа хувийн компани ялдаг шүүх шүү дээ. Төр, иргэд үргэлж ялагддаг. Захиргааны шүүхийг шударга шүүдэг болгохын тулд том реформ хийх хэрэгтэй. Харин энэ хуулийн нэмэлт, өөрчлөлт ганцхан зүйлд хамаарч байгаа юм. УИХ-ын шийдвэрийн дагуу гэж л заасан. УИХ-ын шийдвэр бол хууль шүү дээ. Тиймдээ ч хамгийн дээр УИХ байх ёстой биз. Гэтэл УИХ-ын дээр Захиргааны шүүх байгаад байна. Эрдэнэт, Монголросцветмент гээд Монголын баялгийн 60 хувь бүрэлддэг энэ хоёр компанийг өнөөдөр хувьд, хулгайд алдчихсан. УИХ нь хуралдаад энэ бүхэн ард түмнийх байх ёстой, Үндсэн хууль хэрэгжих ёстой гэж үзсэн. Цэц ч УИХ-ын шийдвэр зөв байна гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл Захиргааны хэргийн шүүх өнөөх шийдвэрийг нь үгүйсгэчихэж байгаа юм. Тухайн хувийн компанийх нь ажилтан байсан хүн Захиргааны хэргийн шүүгч болчихсон УИХ болоод Цэцийн шийдвэрийг үгүйсгэсэн. Гурван шатны шүүхийн шийдвэрийг өнөөх хувийн компанийнхаа талд гаргасан. УИХ, Засгийн газар, Цэц хэрэггүй, ганцхан Захиргааны хэргийн шүүхэд өөрийн компанийн ажилтныг хахуулиар тавьчихад болох нь л дээ. Монгол Улсын бүх зүйлийн эзэн нь тэр болчихож байгаа юм.

Ер нь өнөөдөр ямар иргэн Захиргааны шүүхэд хандаад өмч хөрөнгөө олоод авчихсан юм бэ. Тийм юм байхгүй шүү дээ.

Намайг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар очиход агентлаг 60 хэрэг дээр Захиргааны шүүхэд ялагдсан байсан. Бүгд лицензийн маргаан байсан юм. Би ажлаа аваад нэг ч хэрэг дээр ялагдаж үзээгүй. Төрөө төлөөлөөд хуульчдаа оруулахад ялагдахгүй. Харин хүчээр ялагдахдаа хүрвэл хүн нь ирэхгүй байхад, чимээгүй суухад л болдог гэж байгаа юм. Ийм л байгууллага болгочихсон юм аа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Оюундарь: Хохирогчдын дийлэнх нь аавынхаа болон хойт эцгийнхээ өвөрт 15 нас хүртлээ унтдаг байж

– БҮХ НАСААР НЬ ХОРИХ ХАНГАЛТТАЙ ХҮНД ЯЛ –


УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.


-“Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” нээлттэй хэлэлцүүлэг болсон. Холбогдох байгууллагуудаас хүүхдийн хүчирхийллийн талаар мэдээллүүдийг өгсөн. Тэдний зүгээс хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомж хангалттай батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй байгаа талаар хэлж байна. Хэрэгжилтийг хангаж, урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Хүүхдийн хөгжил, хамгааллын зардалд 2018 онд таван тэрбум, 2019 онд найман тэрбум төгрөгийг улсын төсөвт баталсан. 2018 онд 519 хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдсэнээс 487 буюу 48.7 хувь нь хүүхэд байна. Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн дунд хүүхдийн эзлэх хувь 2015 онд 72 хувьтай байсан бол 2016 онд зургаан хувиар өсч байгааг харахад энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурахгүй байна. Хүчингийн хэргийн дийлэнх хувь нь хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг рүү шилжиж байгаа нь үнэхээр сэтгэл сэрдхийлгэм аюултай мэдээлэл болж байна. Тиймээс хамгийн гол нь хуулийг чангатгах шаардлагатай. Хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, урьдчилан сэргийлэхийн тулд нэн тэргүүнд тогтолцоогоо өөрчлөх, хууль, эрх зүйн зохиуцуулалтыг сайжруулах, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, далд хэлбэрийг илрүүлэх, хохирогчийг тусгаарлах, хохирогчдод үзүүлэх үйлчилгээ, нөхөн олговор олгох, тусгай сан байгуулах зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй.

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шүүхээс эцэслэн шийдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэргийн 80 хавтаст хэрэгт судалгаа хийж, дүгнэлт хийхэд ялын бодлогын хувьд бүгд өөр өөрөөр шийдэгдээ. Энэ нь хэр шударга үйл явдал юм бэ?

-Монгол Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан ажлаа өгөхөөсөө өмнө насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судалсан 250 хохирогчдын суурь судалгааны тайлангаар шүүхээр шийтгэгдсэн, татгалзсан, хэрэгсэхгүй болгосон хэрэг, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу хэргийн зүйл анги, ялын хэмжээг хөнгөрүүлсэн, хүндрүүлсэн нөхцөл байдлын талаар гаргасан. Мөн Гэр, бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар “Хөгжлийн академи” ТББ-тай хамтран шүүхээр шийдвэрлэгдсэн хүүхдийн эсрэг 80 хэрэгт судалгаа хийсэн. Судалгаанаас үзэхэд гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн ихэнх хувийг хохирогчийн эцэг, эх гэр бүлийнхнээс гаргаж байна.

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл гарсан даруйдаа бус зургаа хүртэлх жилийн дараа илрэх нь 50 орчим хувийг эзэлж байна. Энэ нь хохирогч хүүхдийн хамаарал бүхий этгээд хүчирхийлсэн, далд хэлбэртэй байгаатай холбоотой юм. Мөн хохирогч хүүхдүүдийн 90 гаруй хувьд нь сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлээгүй. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн ойлголт, мэдлэг хангалтгүй байгаа юм. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт стратегийн өмгөөлөл явуулах замаар олон нийтийн ойлголт хандлагыг давхар өөрчлөх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийг хэргийн талаар мэдээлэл өгөхөд хүч нэмэх нь тус хэргийн гаралтыг бууруулахад чухал нөлөө үзүүлэхээр байна. Тиймээс хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах нь тун чухал. Бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэргийг шалгах, шийдвэрлэх стандарт батлах хэрэгтэй байна. Тодруулбал, мөрдөгчдийг мэргэшүүлэх, хэргийг дуустал нь нэг мөрдөгчөөр шалгуулах, тухайн хэргийн насанд хүрээгүй хохирогч, холбогдогчийг хэрхэн байцаах, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулахдаа хохирогч хүүхдийн сэтгэл зүйн эмзэг байдлыг аль болох сэдрээхгүй байх, хяналт тавьж буй прокурорыг солихгүй байх хэрэгтэй. Мөн насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдсэн бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэрэг бүрийг нарийн шалгаж, шүүхээр шуурхай шийдвэрлэх, хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, гэмт этгээдтэй тааралдахгүй байх нөхцөл бүрдүүлэх гэх мэт асуудлыг зохицуулсан байх ёстой юм. 2015 оны Эрүүгийн хууль болон Эрүүгийн тусгай ангийн холбогдох заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хорих хугацааг нэмэгдүүлэх, бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэл зүйд учирсан гэмтлийг тогтоох, сэтгэл санааны хохирлыг үнэлэх, тооцох аргачлалыг батлах, хохиролыг нөхөн төлүүлэх эрх зүйн тодорхой зохицуулалт, механизмыг бүрдүүлэх хэрэгтэй байна.

-Бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирогч болсон хүүхдийн тоо жилээс жилд нэмэгджээ. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн дундаж нас нь 13 байна гэсэн байж болшгүй дүн судалгаагаар гарсан байна…

-Судалгаанаас үзэхэд бэлгийн харьцаанд анх орсон насны доод хязгаар есөн нас байна. Хохирогчдоос хоёр хүүхэд есөн настайдаа, есөн хүүхэд 12-14 настайдаа бэлгийн харьцаанд оржээ. Харин 15-17 настай хохирогчдоос урьд нь жирэмсэн болж байсан тохиолдол ч байна. Ерөнхийдөө хохирогч болох эрсдэлт нөхцөл бий болсон гол нөхцөлүүд байдаг. Нэгдүгээрт, хүүхдэд тавих эцэг эх, асран халамжлагчдын хараа хяналт сул, анхаарал халамж муугаас үүджээ. Хоёрдугаарт, эцэг эх, асран хамгаалагч томчуудыг харж тэднийг дуурайж, тэдэнтэй өөрсдийгөө адилтгах байдлаар хүүхдийн нийгэмшилтийн процесс явагдаж байгаа учир хохирогч хүүхдийн ийм сөрөг зан үйлдэл, биеэ авч явах байдал нь томчуудаас л эхтэй байна. Хүүхэд бол тэдний тусгал шүү дээ. Гуравдугаарт,ажилгүй, орлого багатай, амьжиргааны түвшин дундаж болон тааруу, нийгмийн эмзэг бүлгийн эцэг эхчүүд амьжиргаа, гэр орны асуудал, өөрсдийн бэрхшээлд түүртэн, хүүхдээ зөнд нь орхисон, тэднийг үл хайхардаг. Заримд нь насанд нь ахадсан хүнд ачааг үүрүүлж, өөрсдийн асуудлаа хүртэл шийдэхийг даалгасан нь нөлөөлж байна. Дөрөвдүгээрт, архинаас бүрэн хамааралтай болсон, амьдралын буруу хэвшил хүүхдийн төлөвшилд сөргөөр нөлөөлж байна.Тухайлбал, хүүхдийн дэргэд бэлгийн харьцаанд орох, бусдыг орон гэртээ дагуулж ирж архидах гэх мэт шалтгаанууд юм. Тавдугаарт, хохирогчдын дийлэнх нь аавынхаа болон хойд эцгийнхээ өвөрт 15 нас хүртлээ унтдаг байжээ. Энэ буруу хэвшил нь хүүхдийн шилжилтийн насанд бий болдог хандлага, төлөвшилд сөргөөр нөлөөлж байна.

-Бага насны хохирогч хүүхдүүдийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцөлийг сайжруулж, мэдээллийг нууцлах, бэлгийн замын халдварт өвчний үзлэгийг тогтмолжуулах, эмч боловсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй байгаа талаар холбогдох байгууллагын төлөөлөл дурдсан. Энэ тал дээр хэрхэн анхаарах вэ?

-Эрүүл мэнд, боловсролын тухай хууль тогтоомжуудын хэрэгжилт, түүнд тавих хяналт бодлогын арга хэмжээ харьцангуй муу байна. Бэлгийн хүчирхийлллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг сэтгэл санааны давхар дарамтад оруулахаас сэргийлэх үүднээс хохирогчтой ажиллах арга, тусламж үйлчилгээний зөв дараалал, жендерийн тэгш байдал, ялгаварлан гадуурхалт, хохирогчийн эрх, хүчирхийллийн шинж тэмдгүүдийг таних зэрэг асуудлаар эмч, багш зэрэг мэргэжилтнүүдэд зориулсан сургалтын модуль боловсруулж, тасралтгүй зохион байгуулах нь чухал юм. Бүх шатны боловсролын байгууллагуудад хүүхдийн эсрэг хүчирхийлэл, түүний дотор бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга зүйг багтаасан сургалтын хөтөлбөртэй байх хэрэгтэй. Уг хөтөлбөрийг хүүхдийн нас, хүйс, сэтгэхүйн онцлогт тохируулан боловсруулж, сургуулийн өмнөх болон ЕБС-ийн эрүүл мэндийн хичээлээр дамжуулан тасралтгүй олгох, хичээл заах багш нарыг бэлтгэх, давтан сургах боломжтой. Ерөнхий боловсролын сургуулиуд дээр хийдэг охидын үзлэгийг зогсоох, үүний оронд хүүхэд, эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх нь чухал нөлөөтэй гэж харж байгаа.

Бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэргийн хохирогч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өсвөр үеийнхэнд зөвлөгөө өгөх кабинетийг түшиглэн байгуулах, бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэл зүйд учирсан гэмтлийг тогтоох, сэтгэл санааны хохирлыг үнэлэх, тооцох аргачлалыг батлах, хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн тодорхой зохицуулалт, механизмыг бүрдүүлэх шаардлагатай. Мөн хүүхдийн сэтгэцийг хэвийн байдалд эргэн орох хүртэл нь дунджаар ямар хэмжээний зардал гарч болох талаар шүүх шинжилгээний болон эрүүл мэндийн байгууллага нэгдсэн судалгаа хийж тооцож гаргах нь зөв.

-Өөрийгөө хамгаалах чадваргүй гэдэг утгаар нь хүүхдийг хүчирхийлэх явдал их гараад байх шиг. Биеэ үнэлэлтийг хуулиар зөвшөөрч, шаардлагатай зохицуулалтуудыг нь хийгээд өгчихвөл энэ тоо буурах юм биш үү. Ийм боломж байгаа юу?

-Олон улс, тэр дундаа Скандинавын орнууд энэ хуулийг хүлээн зөвшөөрдөггүй, хориглодог. Хэрвээ биеэ үнэлэлтийг хуулиар зөвшөөрвөл манай улс шиг хүн ам цөөнтэй улсад нийслэл, сум орон нутгаар биеэ үнэлэлтийн газрууд нээгдэнэ.Биеэ үнэлэгчдийн тоо эрс нэмэгдэж, энэ салбар руу орж, хялбар аргаар мөнгө олох зорилготой хүмүүсийн тоо олширно. Мөн эмэгтэйчүүдийн эрхийн асуудал илүү нухацтай яригдана. Биеэ үнэлэлтийг хуулиндаа зөвшөөрснөөр нэлээн хэдэн хууль тогтоомжинд өөрчлөлт орно. Тухайлбал, хүчингийн холбогдолтой хэргүүдтэй холбоотой шүүхийн ял тогтоолууд хүчингүй болох юм.Түүгээр зогсохгүй шөнийн цэнгээний болон биеэ үнэлэгчдийн үйл ажиллагаа явуулдаг газруудын ажиллах цаг, тэдний эрх үүрэг зэргийг хааж, боогдуулах, цагдаа сэргийлэхээр хяналт тавиулах ямар ч эрх зүйн үндэсгүй болох юм. Нийгэм тэр чигтээ садар самуунд уруу татагдана.Мэдээжийн хэрэг биеэ үнэлэлт газар авч, нийгэмд хүчтэйгээр орших болсноос үүдэж, бэлгийн замын төрөл бүрийн өвчин үүсэх магадлал одоогийнхоос хэд дахин ихсэх юм. Үнэхээр биеэ үнэлэлтийг бүхэл бүтэн салбар болгон хөгжүүлэх гэж байгаа тохиолдолд гарах эрсдэлийг энэ мэтчилэн тооцох нь чухал билээ.Өнөөдөр л гэхэд дэлхий даяар насанд хүрэгчдэд зориулсан кино бүтээдэг студиудын тоо олшрохын хэрээр порно кино үзэж буй хүмүүсийн тоо хэдэн саяараа тоологдох болсон нь нууц биш юм.Төдий чинээ дотроо гаж хүсэл өвөртөлж, түүнийгээ туршиж үзэх юмсан гэсэн бодолтой хүмүүс байдаг.Тэдний нууцхан хүслээ ил гаргаж, бодит амьдрал дээр туршиж үзэх боломжийг харин биеэ үнэлэлт олгох болов уу.Тиймээс хосуудын дунд орших ариун нандин холбоо гэхээсээ илүүтэйгээр хүмүүсийн дур хүслээ хангах хэрэгсэл мэт болох нь аль чиг хандлага руу нийгэм хөгжих нь ойлгомжтой.

-Эмэгтэй гишүүдийн зүгээс ялын бодлогыг чангатгах асуудлыг авч үзнэ гэж байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс мөн үүнтэй тэмцэхийн тулд цаазын ялыг сэргээнэ гэх байр суурийг илэрхийлдэг. Цаазын ял сэргээснээр хүчирхийлэл багасах уу?

-Монгол Улс 2012 оныг хүртэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан.Харин 2012 оноос уг ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн. Улмаар 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой гэж үзэж байна. Гэхдээ хүмүүсийн шаардаж байгаа зүйл бол шударга ёс. Цаазаар авах ялыг халснаар гэмт хэрэгтэнд тохирсон ялыг үүрүүлж чадахгүй байгаа юм биш. Бүх насаар нь хорих бол хангалттай хүнд ял.Энэ ялаар гэмт хэрэгтнийг цээрлүүлж, хариуцлага хүлээлгэж байгаа.Хохирогчдын ар гэрийнхний уй гашуу тайлагдаж, хохирол арилах боломжгүй учраас ахиж олон хүнийг хохироохгүйн тулд онц хүнд гэмт хэрэг гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нь илүү чухал юм.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Бат-Эрдэнэ: Гашуунсухайтын төмөр замын ашгаа Зүүнбаян чиглэлд төмөр зам тавихад зарцуулах нь зөв

УИХ-ын гишүүн Ж.Бат-
Эрдэнэтэй ярилцлаа.

-Таван толгой-Зүүнбаян
чиглэлийн төмөр замыг
барих шийдвэр гаргасан.
Таван толгой-Гашуунсухайт
чиглэлийн замаа эхлээд
тавих нь зөв гэж байгаа
хүмүүс ч байна. Үүнд таны
байр суурь ямар байгаа
вэ?

-Тухайн төмөр замаар
ачаа зөөе гэсэн уул уурхайн
эзэн, эсвэл худалдан авагч
нь хөрөнгө оруулалт хийдэг.
Монгол Улсын хувьд нүүрсээ
тээвэрлэх, аль болох ихээр
экспортлох зорилгоор л энэ
төмөр зам дээр хөрөн гө
оруулалт хийж байгаа шүү
дээ. Зүүн тийшээ, урагшаа ч
байсан ялгаагүй. Бид ашиг
олж, эдийн засгаа дээшлүүлж,
экспортоо нэмэгдүүлэхийн
тулд төмөр замаа тавих
ёстой. Энэ бол ашгийн төлөө
юм. Гэхдээ аль төмөр зам
маань бидэнд нэн тэргүүнд
ашиг өгөх вэ гэдгийг л шийдэх
ёстой. Магадгүй ирээдүйгээ
хараад зүүн тийшээ явах
нь зүйтэй гэж Засгийн газар
шийдвэр гар га сан бай х.
Буруутгаад ч байх юу байхав.
Гэсэн ч “Маргаашийн өөхнөөс
өнөөдрийн уушги дээр” гэх
ү г бий. Өнөөдөр бай гаа
эдийн засгийн боломжоо
дээшлүүлэх, хөгжүүлэх,
хямралаасаа гаргах зэрэг
бүхий л нөхцөлөө харахад
Таван толгой-Гашуунсухайт
чи гл эл ий н төмөр з амаа
эхэлж тавих нь зүйтэй гэж
бодож байгаа. Дээрээс нь
бид эхлүүлсэн ажлаа дуусгах
ёстой шүү дээ. Иймд нэн
тэргүүнд урагшаа төмөр замаа
тавья.Тэндээсээ гарсан ашгаа
Зүүнбаянгийн төмөр замаа
тавихад зарцуулах нь зөв л
гэж үзээд байгаа юм.

-Зүүнбаян чиглэлийн
төмөр зам хэдийд
ашиглалтад ороод ,
хэзээнээс үр ашгаа өгч
эхлэх бол?

-Таван толгой-Зүүнбаян
чиглэлийн 414.6 км төмөр зам
барих шийдвэр гаргасан. Нэг
кмзамыг1.2саяам.доллараар
тавих юм.
Энэ 750 тэрбум төгрөгийг
бид хаанаас олох вэ гэдэг
нь чухал л даа. Сайдын
хүрээнд бол Таван толгой-
Гашуунсухайт чиглэлийн
ажлыг нэн тэргүүнд эхлүүлье
гэж байсан. Засгийн газраас
энэ тухай тодруулахад
цааш үр г элжилн э л г эж
байна. Хэрхэн үргэлжлэхийг
мэдэхгүй юм. Ямар ч байсан
энэ шийдвэр түрдээ зогсож
байна л гэсэн үг л дээ.

-Эрдэнэтийн 49, 51
хувийн асуудал дээр та
ямар байр суурьтай байдаг
юм бэ?

-Эрдэнэтийн 4 9 хувь
бол гадаадад байсан. ОХУ-
аас 49 хувийг зарах гэж
байна, та бүхэн авах уу гэх
санал ирсэн. Санал ирмэгц
Засгийн газар хуралдаад бид
Эрдэнэтийн 49 хувийг авахгүй
гэчихсэн. Угтаа бол Засгийн
газар энэ шийдвэрээ УИХ-д
танилцуулах ёстой байсан.
Тэд дур мэдэн шийдвэр
гаргасан нь эхний алдаа
юм. Хоёрдугаарт, “Эрдэнэс
Монгол” ХХК Эрдэнэтийн 49
хувийг авчирсан. Олж ирэхдээ
банкуудаас ч юм уу, бондын
хөрөнгөөр ч юм уу аваад
ирсэн. Энэ компани нь Засгийн
газар, Монголбанк зэрэгтэй
хэлэлцээр хийгээд өчнөөн
хөрөнгө мөнгө зээлчихсэн
гэж байгаа юм. Тэр мөнгийг
улсаас авахдаа Эрдэнэтийн
49 хувийг худалдаж авна гэж
аваагүй байхгүй юу. Зүгээр
хоорондоо гэрээ хэлэлцээр
хийгээд л бондын мөнгө
авчихсан. Хэрвээ “Эрдэнэс
Монгол” ХХК” энэ мөнгөөр 49
хувийг авна гэж ярьсан бол
бид тэднээс мөнгөө нэхэх
ёстой. Тэдний зүгээс “Бидэнд
мөнгө байхгүй. Эрдэнэтийн 49
хувийг худалдаад авчихсан”
гэсэн тохиолдолд “Тэгвэл
бид 49 хувиас чинь авъя” гэж
болно. Ингэж бид зарчмын
дагуу авах ёстой юм. Хүмүүс
хоорондоо гэрээ хийчихсэн
бай хад ш у уд б улаа гаад
авчихаж болохгүй. Энэ бол
хоёр дахь алдаа. Зарчмын
хувьд эхлээд мөнгөө нэхэх
ёстой. Ер нь бол Эрдэнэтийн
49 хувь нь хувийн хэвшилд
байх нь зөв юм. Төр 100 хувь
дарж хэвтэх байдлаас аль
болох татгалзах хэрэгтэй.

– Стандарт банкны
өрийг Эрдэнэт үйлдэрийн
Эрдэнэсийн сангаас 40 сая
ам.доллар болгон бууруулж
төлсөн. Энэ хохирлыг хэзээ,
хэрхэн барагдуулах бол?

-Ямартаа ч өрийг 40 сая
ам.доллар болгон бууруулсан
нь ач холбогдолтой зүйл гэж
харж байна. Өрийн хүү өдрөөс
өдөрт нэмэгдэж байсан тэр
тохиолдолд төрөөс н э н
дариу төлсөн нь зөв. Харин
одоо гэрээ хэлцэл хийсэн
асуудлуудыг эргэн гаргаж
ирж, маш яаралтай шийдэх
хэрэгтэй. Улмаар хариуцлага
алдсан хүмүүсийн нуруун дээр
өнөөх 40 сая ам.долларыг
төлөх асуудал очих ёстой.

– Стандарт банкинд
Эрдэнэтийн 51 хувийг
барьцаанд тавьж авсан
зээлээ нөлөө бүхий
хэдэн хүмүүс хуваагаад
идчихсэн, сонгуулийн
сурталчилгаандаа
ашиглачихсан гэх зүйлийг
ярьдаг. Ийм зүйл болсон
байх магадлалтай юу?

-Түүнийг хууль хяналтын
байгууллага нь гаргаж ирэх
хэрэгтэй байх л даа. Мэдээж
хардах эрх нь хэнд ч байлгүй
л яахав. Ер нь иймэрхүү
мэдээллүүд гарч нийгмийг
бухимдуулдагбайдалихэссэн.
Стандарт банктай хуйвалдсан
ч гэх зүйлийг ярьдаг. Олон
улсын хэмжээний ийм том
банк хуйвалдаанд оролцоод
явна гэдэг үлгэр шүү дээ.
Энэ хэмжээний банкууд олон
улсын худалдааны гэрээ
хийх, зээл өгөх зэрэгт том баг
явуулдаг. Тэд судалж үзээд
бүх асуудлууд нь зарчмынхаа
дагуу явж байгаа эсэхийг
шалгадаг. Тиймдээ ч үүнд
хуйвалдаан байсан гэдэгт би
итгэхгүй байна.

– Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд
ямар зохицуулалтууд
тусгагдаасай гэж бодож
байгаа вэ?

-Засаглалын хуваарилалт,
Засгийн газрын эрх мэдлийг
сайжруулах асуудал гол болж
орж ирж байх шиг байна.
Засгийн газрын гишүүдээ
Ерөнхий сайд өөрөө томилдог, тэдгээр нь УИХ-аас хараат бус
үйл ажиллагаагаа явуулдаг
байх хэрэгтэй. Бүр цаашлаад
аймгуудын Засаг дарга нарыг
өөрсдөө томилж эрх мэдлээ
бүрэн хэрэгжүүлэх бололцоог
гаргах юм. Миний хувьд бол
УИХ,Засгийн газар хоорондын
эрх мэдлийн хуваарилалтыг
маш сайн гаргаж өгөх хэрэгтэй
гэж боддог.
Түүнчлэн орон нутгийн
засаг захиргаа, өөрөө удирдах
ёстой холбоотой асуудлууд
зохицуулагдах шинжтэй
байгаа. Аймгийн Засаг даргыг
ИТХ-ынх нь санал болгосны
дагуу Ерөнхий сайд томилдог
болгоё гэх санал ч орж ирж
байна. Айм гийн ИТХ н ь
сумынхаа ИТХ-аас, сумынх нь
иргэдээсээ сонгогддог байя.
Харин сумын Засаг даргыг
иргэдээс, багийндаргыг сумын
Засаг дарга нь хариуцлага
тооцох нь зөв гэж байгаа.
Энэ мэтчилэн шаталсан
байдлаар хариуцлагаа үүрээд
явдаг систем рүү оръё гэж
байгаа юм. Дээрээс нь хотын
статусын байдал багагүй
сөхөгдөж байх шиг байна.

-Сонгуулийн тухай хууль,
Улс төрийн намуудын тухай
хуулиудад өөрчлөлт оруулж
таарах байх. Эдгээрт ямар
өөрчлөлт орох тухай
тодорхой яригдаж буй
зүйлүүд байна уу?

-Улс төрийн намуудын
тухай хуулийг зайлшгүй
авч хэлэлцэхгүй бол
болохгүй. Гэхдээ одоогоор
тодорхой яригдаж буй зүйл
алга. Цаашдаа улс төрийн
намуудын үйл ажиллагааг
цэвэр болгох, намуудаар
дамжиж сонгуульд, улс төрд
оржбайгаа хүмүүсийн босго нь
зөв байх асуудалд анхаарах
хэрэгтэй. Ингэж байж улс төр
өөрөө цэвэршинэ. Намдаа
мөнгө төгрөг хандивладаг,
мөнгөөр сонголтоо хийдэг,
нэг хэсэг бүлэглэл үүсдэг
байдлуудыг хааж өгсөн
тогтолцоог бид бий болгох
хэрэгтэй байгаа юм.


– Хууль хяналтын
байгууллагуудын дарга
нарыг сольж байна .
Тогтолцоо нь эрүүл бус
байхад хүнийг нь солиод
нэмэргүй гэдэг. Энэ хэр
үнэний ортой вэ?

-Энэ бол өнгөлөн цэвэрлэх
үйлдэл л дээ. Гүн рүү нь орж
болж бүтэхгүй зүйлүүдийг нь
системээр нь өөрчлөх алхмыг
бид хийхгүй бол болохгүй.
Жишээ нь, хулгайчийг
сэнхрүүлснээр хулгай хийхээ
болихгүй гэдэг. Харин хулгай
хийх ямар ч боломжгүй болгох
ёстой юм. Түүнтэй адил энэ
хүмүүсийг хууль зөрчих, хүн
хэлмэгдүүлэх зэрэг зохисгүй
аяглавал үүрэх хариуцлагыг
нь тодорхой болгож өгмөөр
байна. Хууль хяналтын
байгууллагад хэн ч очсон
бай зөв ажиллах нөхцөлийг
нь бүрдүүлэх ёстой. Нийгэм
бухимдалтай, ард иргэдийн
амьжиргаа сайжраагүй, тэгш
бус хариуцлагын тогтолцоо
газар авчихсан байна. Бид
энэ муу муухай зүйлүүдийг
арилгах ёстой. Бүр дахин муу
зүйл гарахгүй болтол нь л
өөрчлөх нь чухал байна. Гэтэл
бид өнөөдөр хүнийг хүнээр,
эрх мэдлийг эрх мэдлээр л
сольж байгаа.

-Шүүгчийн эрх зүйн
байдлын тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төсөл болон
хамт өргөн мэдүүлсэн бусад
хуулийн төслийг баталсан.
Багагүй ч шүүмжлэл
дагуулсан. Таны хувьд уг
хуулийг дэмжсэн үү?

– Энэ хууль ийнхүү
өөрчлөгдөхгүй байвал бие
биендээ худалдагдаж, ёстой л
бүлэглэл гэгч зүйл бий болох
нөхцөл бүрдэнэ. Уг хуулийг
хийж байсан хүмүүс нь ч нэг
удаагийн хууль байгаасай гэж
хүсч байсан. Энэ бол цэвэр
Үндсэн хууль, ардчилсан
тогтолцоо руу гар дүрсэн
асуудал юм. Уг хуулийг эргэж
харах нь юу л бол. Үүнийг
өөрчилж, арай өөр өнцгөөр
харах хэрэгтэй байна л гэж
үзэж байгаа.


-Жилийн дараа гэхэд УИХ-
ын ээлжит сонгууль болно.
Мөн ирэх зургадугаар сард
нөхөн сонгууль болохоор
тов гарсан. Сонгуулиас
сонгуулийн хооронд
амьдарсаар ард түмний
амьдрал дээшлэхгүй байна
гэх шүүмжлэл байдаг. Үүнд
та ямар байр суурьтай
байдаг бол?

-Бид маш олон жил том
тогтолцоо, төлөвлөлт ярилаа.
Их хэмжээний валют орж
ирээд бүх зүйл сайхан болчих
юм шиг ярьсаар ирлээ. Харин
одоо хүн рүүгээ хандсан
бодлогыг Засгийн газар барих
нь чухал байна. Ард иргэдээ
амьжиргаатай болгоход бүхий
л анхаарлаа хандуулмаар
байгаа юм. Ямар сайндаа
л миний хувьд жижиг, дунд
үйлдвэрлэлийг хөгжүүлэх
“Шинэ хөдөө” төслийг яриад
явахав. Ард иргэдийг жижиг,
дунд үйлдэрвэл, үйлчилгээ
эрхлэх боломжийг л энэ
төслөөрөө олгох гэсэн хэрэг.
Төрөөсиргэдэдэнэболомжийг
олгох үүднээс ЖДҮХС бий
болгосон. Гэхдээ энэ сангийн
мөнгө өнөөдрийг хүртэл зүй
зо хи с г үй зарц у ула гдаад
ирлээ. Тэгэхээр өөр ямар
боломж бололцоо байгааг бид
эрэлхийлхээс өөр аргагүй.
Уг төслийн хүрээнд жижиг,
дунд бизнес эрхлэгчдэд тоног
төхөөрөмжийн туслалцаа
үзүүлэх боломж нээ гдэх
юм. Тоног төхөөрөмж, эд
материалынх нь төрлөөр
улсын төсөвт суулгаж, тухайн
орон нутагт тусламж дэжлэг
үзүүлнэ. Жишээ нь, сүүний
үйлдвэр эрхлэгчдэд мөнгө
өгөх бус, энэ чиглэлд хэрэгтэй
чанартай тоног төхөөрөмжөөр
тусална гэсэн үг. Тэрхүү
тоно г төхөөрөмжий г сум
нь хариуцаж аваад сонгон
шалгаруулалтын дагуу
өгнө. “Шинэ хөдөө” төслийн
хүрээнд жижиг, дунд бизнес
эрхлэгчдэд ийм байдлаар
тусалж, үйлдвэрлэлийг
хөгжүүлье гээд байгаа юм.