Categories
мэдээ цаг-үе

Гэр бүлийн хоёр гавьяат

Салхи, бороо ээлжлэн хацар илбэсэн тийм нэг бүүдгэрхэн өдөр гэрэл гэгээтэй, дув дулаан ахуйд тухаллаа. Хайр, аз жаргал бялхсан энэ өрхийн эзэн бол “Монголын үнэн” сонины гэрэл зурагчин, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Н.Бөхдамбий юм. Харин гэрийн эзэгтэйг Д.Баяраа гэдэг. Түүнийг Монгол Улсын хүний гавьяат эмч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч гэдгээр нь уншигчид маань андахгүй сайн мэдэх биз ээ. Н.Бөхдамбий гуайнх “Хурд” хороололд амьдардаг юм байна. Амралтын өдөр тул хоёр зээнцэр нь ирчихсэн тун ч дуу шуутайхан сууна. Ач зээ, өвөө эмээ нарт ийн сууцгаах шиг жаргал хаа байх билээ. Бид том өрөөнд байх шилэн ширээний ард тухаллаа. Н.Бөхдамбий гуайнх бурхан шүтээн, ном товхимолоо хоймортоо залжээ. Хааяахан ирэх бяцхан зээнцэрүүддээ зориулсан жижиг ширээ, тоглоомууд ч өрөөний буланд харагдана. Гэрийн эзэд ээлжлэн гал тогооныхоо өрөөг зорьж бидэнд хоол цай, чихэр жимс авчирах нь ихээ зочломтгой хүмүүс болохыг илтгэнэ.

Н.Бөхдамбий гуайг хэвлэл мэдээллийн салбарт танихгүй хүн тун ховор. Харин түүнийг аль нутаг усных, яг ямар мэргэжилтэй хүн болохыг тэр бүр мэдэхгүй байх. Түүнээс нутаг усных нь тухай асуухад “Би баруун аймгийн хүн. Бараг Шинжаан, Уйгарын нутгийн хүн” хэмээгээд инээмсэглэх нь тэр. Н.Бөхдамбий гуай Алтайн их уулсыг түшсэн Ховд аймгийн Үенч сумын хүн аж. Эхээс зургуулаа, айлын дундах хүү тэрээр энэ л нутагтаа бага сургууль дүүргэж, Булган суманд очиж аравдугаар ангиа төгсчээ. Улмаар МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн ангид суралцаж төгссөн байна.Ховдын хязгаараас оюутан болж ирэхдээ хэрхэн хөглөж байснаа тэрээр дурссан. Аймгийн төв ч орж ирээгүй хүү ээжийнхээ хийж өгсөн хөвөнтэй дээлийг өмсөөд шинэхэн бакаль жийсэн шигээ хүрээг зорьжээ. Зуны дэлгэр цагт ч Алтайн их өндөр уулсын дэргэд сэрүү татан байх нь дамжиггүй. Түүн шигээ л санаж холыг зорьж буй хүүдээ ээж нь хөвөнтэй дээл хийж өгчээ. Ингээд л тээврийн тэргэнд суугаад аймгийн төвдөө очин тэндээсээ онгоцоор нийслэлд ирсэн байна. Гэрийн эзэн “Хотод ирээд төрлийндөө очихоор автобусанд суулаа. Автобус гэж гэрэл гэгээтэй жигтэйхэн сайхан унаа. Хүмүүс цөм цагаан цамцтай байна шүү. Над шиг л хөвөнтэй дээл, бакальтай хүн тэнд алга. Дээрээс нь шуудайн дотор ойр зуурын хэрэгтэй зүйлүүдээ хийгээд үүрчихсэнийг хэлэх үү хөлсөө гоожуулсан амьтан л явж байгаа юм. Ингэж л оюутан болж ирсэн дээ” гэлээ. Түүний ажлын гараа Сүхбаатарын нэрэмжит арван жилийн Хоёрдугаар сургуулиас эхэлж, тэндээ таван жил ажилласан байна. “Боломжийн сайн багш гэж энд тэнд хэл сураг очсон бололтой. Эвлэлийн төв хороо авъя л гэнэ. Хотын эвлэлийн хороо удирдах ажил хийлгэх юм ч ярьж байна. Би дарга хийх хүн биш. Багшлахаа болих дээрээ хүрвэл юм бол мэргэжлийнхээ ажлыг л хийх юмсан гэсэн бодолтой байлаа. Ингэж явсаар 1977 оны хавар нь юм даа “Үнэн” сонины газараас намайг дууддаг юм байна.

Яваад очтол хоёр ширхэг “Үнэн” сонин өглөө. “Багш хүн байна. Та нэг үзээд ир” л гэнэ. Амралтын өдөр ч таарсан учир өнөөх сониноо үзээд хэрэндээ л найруулга, үг үсгийн алдааг нь зураад явуулчихлаа. Дараа нь дуулах нь ээ шуурхай хурал дээрээ “Жирийн нэг багш хүн манай сониноос ийм алдаа, мадаг олсон байна” гэж ярьсан гэнэ лээ” хэмээн тэрээр ярьсан. Тэр жилийнхээ хавар нь Н.Бөхдамбий гуайд “Үнэн” сониноос ажиллах санал тавьжээ. Гэтэл Хотын боловсролын хэлтсээс нь залуу боловсон хүчнээ өгөхгүй гээд гүрийчихэж. Харин өвөл нь Хотын боловсролын хэлтсийн даргыг эзгүй байх хооронд “Үнэн” сониныхон самбаачилж түүнийг урвуулчихсан гэдэг. Нам, засгийн төв хэвлэл учир тус сонинд голдуу нас тогтсон, туршлагатай хүмүүс л ажиллана. Намын гишүүн биш, залуу хүмүүс тун ховор. Ийнхүү Н.Бөхдамбий гуай тэдний нэг болон “Үнэн” сонины өндөр босгоор алхаж байжээ.

Сонины ажил цэргийн цол мэт эрэмбэ, дараатай. Бүх зүйлийг дороос нь эхэлж дадлага туршлагыг хуримтлуулдаг ёстой. Үүнийг адил тэрээр хэвлэлийн хэсэгт нийлэгч, хянагчаас ажлын гараагаа эхэлжээ. “Хэвлэлийн хэсэгт алдаа мадаг гарч цалингаараа торгуулах, бүр ажлаасаа халагдах хэмжээнд хүртэл шийтгүүлдэг байлаа. Бурхны аварлаар ч гэдэг юм уу, би нэг их алдаа гаргаж байгаагүй юм. Хэвлэлийн хэсэгт тав, зургаан жил ажиллаад редакцид орж ирсэн дээ. Идэвхтэн бичигтнүүдийн ирүүлсэн захиаг боловсруулна. 18 аймаг, Москва зэрэгт байх тусгай сурвалжлагчийн материалыг ч цэгцэлж, сонинд нийлүүлнэ. Энэ ажлыг хийдэг хүнийг тэр үед утга зохиолын ажилтан гэдэг байлаа. Үйлдвэрийн аж ахуйн газраас сурвалжлага их хийнэ. Тэр тохиолдолд тусгай сурвалжлагч болоод л хөдөөг зорино доо. Би Цэндийн Намсрай гуайг ажиллаж байх үед “Үнэн” сонинд орсон хүн. Харин Ц.Намсрай эрхлэгчийг чөлөөндөө гарсны дараа Лодонгийн Түдэв гуай эрхлэгчээр ирсэн. Тэрээр залуучуудыг юм үзүүлж, сургана гэсэн агуулгаар Ц.Балдорж, Х.Ганбат, Нямбат, одоогийн “Монголын үнэн” сонины эрхлэгч Б.Ганболд тэргүүтэй хүмүүсийг хөдөө томилчихсон. Ийнхүү Дорнод аймагт “Үнэн” сонины тусгай сурвалжлагчаар сууж байлаа” хэмээн цай оочлонгоо дурссан.

Ийнхүү явж ирээд “Үнэн” сонины Хариуцлагатай нарийн бичгийн даргаар ч ажиллаж байж. Улмаар 1997 онд Л.Түдэв гуай гавьяаныхаа амралтад гарч, Г.Төртогтох эрхлэгчээр томилогджээ. Шинэ эрхлэгч нь түүнээс “Сурвалжлагчаараа ажиллах уу, эсвэл гэрэл зургийн хэлтсээ авах юм уу” гэж. Энэ үед тэрээр гэрэл зургийн хүн болохоор эргэлт буцалтгүй шийдсэн байна. Энэ нь ч түүнээс хол зүйл биш. Тэрээр оюутан цагаасаа л гэрэл зургийн аппараттай нөхөрлөсөн нэгэн. Хаана ч л явсан аппаратаа үүрээстэй. “Үнэн” сонины сурвалжлагч байх үедээ өөрийн аппаратаараа л зурагаа авчихдаг байж. Ийнхүү тэрээр 21 дэх жилдээ гэрэл зургийн салбарт зүтгэж яваа юм. Энэ хугацаанд сайн, муу, сайхан, муухай бүхий л үйл явдалд оролцож дурандаа буулган “Үнэн” сонины шарласан хуудсанд үлдээжээ.

Н.Бөхдамбий “Би “Үнэн” сонины босгыг алхаад 42 жил болсон байна. Энэ сонинд над шиг удсан хүн байдаг болов уу гэж боддог юм. Ямар сайндаа л төрийн шагналт зохиолч Б.Догмид намайг “Чиний хөшөө чамайг амьдад чинь “Үнэн” сонины үүдэнд босох болсон” гэж хэлж байхав” гээд инээмсэглэв. Нээрээ л түүн шиг он удаан жил ажилласан хүн тун ховор болов уу. “Үнэн” сониндоо бараг хагас зууныг илээн үнэнчээр ажиллах болсон тухай нь асуухад “1992 онд Үндсэн хууль баталснаар цаг үе ондоо болсон. Манай сониноос салбарлаж олон ч сонин шинээр байгуулагдсан гэж хэлж болно. Тэр үед “Засгийн газрын мэдээ” сониноос надад ажиллах санал ирсэн. Гэхдээ би сониноосоо яваагүй. Учир нь хамт ажиллаж байсан олон сайхан нөхөд яваад өгсний дараа Л.Түдэв гэж агуу хүн нэг их ганцаардаж байгаа юм шиг санагдсан. Нөгөө талаар тэр сайхан нөмөр нөөлөгтэй хүний хажууд би үлдэхийг хүссэн хэрэг. Миний хувьд Хариуцлагатай нарийн бичгийн даргын албыг хашиж байсан үе л дээ. Үүний хажуугаар макет, чимэглэл хийх чухал үүрэгтэй байлаа. Тэр хүний итгэлийг алдаж болохгүй гэж л бодогдсон. Олон ч жил хамт ажилласан даа” гэв. Түүний хэвлэл мэдээллийн салбарт, тэр дундаа гэрэл зургийн салбарт үнэнчээр зүтгэсэн хэмээн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм цолыг олгосон. Тэрээр ийнхүү гэрэл зургийн салбараас мэндэлсэн зургаа дахь гавьяат болсон байдаг.

Сонирхуулахад, Н.Бөхдамбий гуай Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандитай тун төсөрхүү. Тиймдээ ч Н.Багабанди гуайн дүрийг МҮОНТВийн нэгэн зохиомжид бүтээж явсан гэдэг шүү. Биднийг ийн ярилцах зуур том зээнцэр хичээнгүйлэн зураг зурж байх юм. Хоёр настай болов уу гэмээр бага зээнцэр буйдан дээрээ суун мууртайгаа тоглож, ихээ чангаар инээх нь өхөөрдмөөр. Энэ бүрт л тэд зээнцэрээ харж өхөөрдөн, хошуу дэвсэн эрхлүүлж харагдана.

Д.Баяраа эмч Баянхонгор аймгийн Галуут суманд төржээ. Тэрээр “Би ухаан ороогүй жаахан байхдаа л хүн бүр лүү харж инээдэг байсан байгаа юм. Хүүхэд байхын л тайван дөлгөөн байсныг илтгэж байгаа юм уу даа. Одоо ч тийм. Хүний зан араншин гэж бага балчирдаа л бүрэлдэн тогтдог байх нь” гэлээ. Өнөөх хүмүүс рүү харж дулаанаар инээмсэглэдэг эелдэг зөөлөн зан байдал нь өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй харагдана. Социализмын үед ч бүх зүйл чанга, хатуу шаардлагатай байж. Үүнээсээ болоод тэрээр “Эмч хүн сувилагчиддаа ч хатуу шаардлагатай байх хэрэгтэй. Юунд чи инээж харьцдаг юм” гэж зэмлүүлэх үе ч байсан гэдэг. Ийм зан чанартайг нь анзаарсан болоод ч тэрүү ээж Ж.Жомбоо нь түүнийг хүүхдийн эмч болохыг зөвлөжээ. Гэрийн эзэгтэй “Би аравдугаар ангиа Баянхонгор аймагт төгсөөд Анагаахын дээд сургуулийг 1971 онд дүүргэсэн. Төгсөөд одоогийн Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд насаараа ажилласан. Тухайн үед Гандангийн “Хүүхдийн эмнэлэг” гэсэн нэртэй байлаа. Одоо “ЦННББ” гэж эмнэлэг байгуулаад ажиллаж байна” гэлээ.

Тэрээр эмэгтэйчүүдийн эмч болно гэсэн л зорилготой байж. Гэтэл түүний ээж Ж.Жомбоо “Би чамайг эмэгтэйчүүдийн эмч болохыг зөвшөөрөхгүй. Чи хүүхдийн л эмч болох хүн” гэж. Тэр бүү хэл “Миний охин хүүхдийн эмч гэх гайхалтай алдрыг авч явж чадна. Бүх хүүхдийн гавьяат эмч болно оо” хэмээн хэлдэг байжээ. Эх хүн үрээ хамгаас илүү мэднэ. Мөн хамгийн сайнаар ерөөнө. Ийнхүү түүний ээж охиноо хүний хүүхдийг ч хайрлаж, энэрч, анагааж чадна гэж итгэж, зөн совингоороо мэдэрч ерөөжээ. Хожмоо энэ бүхэн нь биелсэн нь гайхалтай. Би ээжийнхээ зөвлөснөөр хүүхдийн эмч болсондоо маш их баяртай байдаг. Бяцхан үрсийг эмчилнэ, анагаана гэдэг үнэхээр гайхалтай хувь тавилан юм байна гэж бодох болсон. Энэ бол ээжийн минь надад үүрэг болгосон гайхалтай хувь тохиол гэж олзуурхдаг даа” хэмээн онцолсон юм.

Хүүхэд өөрийнхөө юу нь өвдөөд байгааг хэлж, илэрхийлж чаддаггүй. Ээж аавууд нь ч тэр бүр тодорхой мэдэх боломжгүй. Тэр ч утгаараа хүүхдийн эмч бол хамгийн их мэдлэг, мэдрэмжтэй байх ёстой хүмүүс. Энэ тухай Д.Баяраа эмч “Ариун нандин, энхрий, хөөрхөн үрсийг эрүүл саруул болгохын төлөө чармайн ажиллана гэдэг маш том үүрэг хариуцлага. Өвдөж, зовоод ирсэн хүүхдүүдийг эрүүл болгохын төлөө үргэлж хичээдэг дээ. Хүүхдүүдийг л эрүүл байлгахсан, яавал хүүхдүүдийн тухай илүүг мэдэж болохов гэсэн хүсэл эрмэлзэл одоо ч дүүрэн. Хүүхдийн төлөө уншиж судалсан, хүүхдийн төлөө амьдарсан л он жилүүд өнгөрлөө дөө. Мэргэжлээсээ өнөөдрийг хүртэл огтхон ч уйдаагүй байна гэхээр хийж буй ажил минь өөрөө гайхалтай байгаа юм” гэв. Д.Баяраа гуайн аав Д.Данзан мөн л нутаг усандаа шагшин магтагдсан эмч хүн аж. Тэрээр их сургуулиа төгсөөд Баянхонгор аймгийн Баянлиг суманд очиж ажиллан Сум дундын эмнэлэг байгуулсан байна. Д.Данзан гуай сүрьеэг ингэний хоормогоор эмчилж байсан нь шинэ нээлт болж байж. 1957 онд Баянхонгор аймагт газар хөдлөлт болсны дараа хорт хий агаарт дэгдэж хүүхэд, эмэгтэйчүүдэд нөлөөлснийг тогтоон, эмчилсэн гэдэг. Энэ бүх гавьяаг нь үнэлж тухайн үед “Алтан гадас” одонгоор шагнасан байна. Түүний аав Улсын нэгдүгээр амаржих газар буюу одоогийн Өргөө амаржих газрын даргаар ч ажиллаж байжээ. Д.Баяраа “Аавыг дагаад явахад хаана ч байлаа гэсэн хүмүүс үзүүлэх гээд дараалал үүсгэнэ. Хүмүүс “Данзан гуайд нэг л үзүүлчих юм бол эдгэчихдэг юм” гэж хүртэл ярихыг олонтаа сонсож байлаа. Үнэхээр ч тийм байдагсан. Аавд минь хүмүүст тэгж л их итгэж, сүсэлдэг байж дээ. Хүн эхлээд сэтгэлээрээ эдгэх ёстой. Аав минь өвчнийг нь илааршуулахын сацуу сэтгэлээрээ эдгэх үрийг нь тарьдаг байсан” гэв. Аавд нь хэлдэг байсан тэр үгнүүдийг одоо Д.Баяраа гуай сонсдог. Д.Баяраа гуайд л үзүүлчих юм бол хүүхэд өвдөхөө больчихдог, хурдан түргэн эдгэчихдэг гэх хүн тун олон. Зарим нь хүүхдээ өвдөөгүй үед ч ирж үзүүлдэг гэсэн. Хүний сэтгэл гэдэг нэн тэргүүний эмч болохыг эдгээр жишээ нотлох биз ээ. Үүнийг ч шинжлэх ухаанд нотолж “Квантын шинжлэх ухаан” хэмээн нэрийдэх болсон гэдгийг тэрээр онцолсон. Тэрээр 2005 он Монгол Улсын хүний гавьяат эмч гэх эрхэм цолоор энгэрээ мялаажээ. Аавынхаа амьд ахуйд энэхүү хүндтэй цолыг авсандаа баярладаг ч, үргэлжид гавьяат болохыг ерөөдөг байсан ээжийдээ харуулж чадаагүйдээ багахан харамсаж явдаг гэсэн.

Энэ үед таван настай зээнцэр охин нь зурсан зургаа нямбай гэгч нь нугалаад эмээдээ авч ирэв. “Таны төрсөн өдрийн бэлэг шүү” гэж ичингүйрэн хэлээд буцаад гүйчих нь тэр. Хэдхэн хоногийн өмнө Д.Баяраа гуайн төрсөн өдөр болсонд охин ийн бэлэг барьж буй аж. Бэлэг болгон барьсан зурагтаа эмээ, өвөөгөө, өөрийгөө, дүүгээ баярын ширээний хажууд зогсож байгаагаар дүрсэлжээ. Үүнийг нь хараад өвөө, эмээ хоёр нь хөөрч, баясаж тун чиг жаргалтай харагдана. Эднийх дөрвөн хүүхэд, 12 зээ, хоёр ач, дөрвөн зээнцэртэй юм байна. Үр хүүхдүүд нь өөр, өөрийн салбарт амжилттай ажиллаж, сурч боловсорч байгаа аж. Энэ өнөр өтгөн айлын эзэд бие биедээ хүндлэлтэй хандаж, нэгнээ гэж байгаа нь орж ирсэн цагаас л мэдрэгдсэн. Энэ бүхэн хүүхдийн цовоо цолгиун дуутай нэгдэн нийлж гэрэл гэгээтэй, халуун дулаан, аз жаргалтай гэр бүлийг бий болгож байх шиг.

Н.Бөхдамбий гуай “Ханьтайгаа учраад аз жаргалтай сайхан амьдарч байна. Хүүхдүүд маань ч сайн сайхан явна. Үүнээс л илүү хүсэх зүйл юу байхав. Бид бие биенээ хүндэтгэж, хоёр биендээ тэмүүлж, үнэнч байхыг эрхэмлэдэг. Үнэнч байх гэдэг нь зөвхөн хайр, сэтгэлийн тухайд биш юм. Хань ижилдээ зориулсан бүхэндээ үнэн, чин сэтгэлээсээ хандахыг хэлж байгаа хэрэг” гэлээ. Харин Д.Баяраа гуай “Хань минь маш сайхан хүн. Хүмүүст ч сайнаараа танигдчихсан даа. Ер нь амьдралын эцсийн мөч хүртэл ханьтайгаа хамтдаа байхыг хүн бүр л хүсдэг. Тиймийн тулд яаж энэ хүнийг эрүүл саруул, амар тайван байлгах вэ гэдгээсээ эхлээд бодох хэрэгтэй. Бид яг л тийм. Хамгийн гол нь хүндлэл чухал. Төгс хүн гэж хорвоод үгүй. Алдаа, дутагдлыг нь дөвийлгөх нь хань, ижил хүний хийх ёстой зүйл биш юм. Нэгнээ уучилж, ойлгож байх л хэрэгтэй. Мөн хувь хүнийх нь эрх чөлөөг хүндэтгэх нь чухал. Хүндлэл жижиг зүйлээс эхэлнэ. Хүүхдүүддээ ч гэсэн бид хоёроос суралц гэдэг юм” хэмээн ярилаа.

Н.Бөхдамбий гуайнх үргэлжид хөл ихтэй. Хүүхдээ үзүүлэхээр зорин ирэх ээж, аавууд дараалал үүсгэх нь холгүй тэднийд цуглардаг. Үүний хажуугаар заавар, зөвлөгөө авах, баярласан сэтгэлээ илэрхийлэх эцэг, эхчүүдийн дуудлага ч тасрахгүй. Гэлээ ч гэрийн эзэд огтхон түүртэж, тээршаалгүй ирсэн бүхэнд найрсаг, өөриймсөг хандаж, үнэтэй зөвлөгөөгөө өгнө. Үнэхээр л тэд бусдын хайр хүндэтгэлийг хүлээж, эргэн тойрондоо ч аз жаргалын үрийг тарьсаар яваа нь гайхалтай. Д.Баяраа “Эргээд бодоход гайхамшигтай сайхан амьдралыг туулж дээ. Энэ хорвоод ирээд их сайхан хүмүүстэй учирсан. Гайхамшигтай ээж, аав, хань ижил, үр хүүхэд заяасан. Тиймдээ ч би өдий зэрэгтэй яваа юм. Дандаа хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсээр би хүрээлүүлсээр ирж. Зовлон бэрхшээл хүний амьдралд нэг биш удаа тохионо. Гэхдээ бүх зүйл цаг хугацаатай шүү дээ. Аав, ээж минь хорвоогоос буцах дөхөөд нэг л адил зүйлийг хэлж байсан нь тодхон үлджээ. Тэд минь “Бид жаргалтай байсан. Та нартайгаа хамт маш жаргалтай амьдралыг өнгөрүүлсэн. Үнэхээр их баярлаж байна” гэж хэлсэн шүү” гэж хоолой зангируулан хэлж байлаа. Үзэж, туулсан амьдралаа эргэн дурсаад шүүрс алдан суудаг хүмүүс хуруу дарам цөөхөн. Магадгүй байгаа бүхэндээ сэтгэл ханаж чаддаг хүмүүс ховор байх.

Д.Баяраа эмч өглөө өдөр ялгалгүй бяцхан зочдыг хүлээж авдаг. Дээр хэлсэнчлэн огтхон ч түүртэлгүй өөрийн хүүхэд мэт эрхлүүлж, эрүүл саруул болгохыг зорино. Хүүхдийн өвчлөл эрс нэмэгдэж байгаад ихэд зовниж явдгаа тэрээр хэлж байлаа. Чухамхүү ямар учир шалтгаанаас үүдэн байдал ийм дээрээ хүрээд буй талаар түүнээс тодруулахад тэрээр “Өмнө нь зундаа гэдэсний өвчлөл, өвөлдөө ханиад л элбэг байв. Тэдгээр нь нэг их хүчтэй эмчилгээ хийх шаардлагагүйгээр л эдгэчихдэг байсан. Одоо тэр цаг ард хоцорчээ. Энэ нь агаарын бохирдолтой холбоотой юм. Энэ нийгэм хүн бүр эрүүл мэндийн боловсролтой байхыг хүссэн, хүсээгүй шаардаж байна. Хүн ханиалгаж, нус цэрээ хаяж, өтгөн шингэнээ гаргахдаа өөрт байгаа өвчин үүсгэгч бактеруудаа гадагшлуулж байдаг. Тиймээс хүн наанадаж зөв ханиалгаж, энд тэнд нус цэрээ хаяхгүй байж сурах хэрэгтэй. Айлууд бохир усаа гэрийнхээ ойр цацахгүй байх ёстой. Энэ бохирдлуудаас өвчин үүсгэгч бактерууд гарч агаарт байгаа өвчин үүсгэгч бактертай нэгдэн хүүхэд, настайчууд буюу дархлалын систем нь сул байгаа хүмүүст нөлөөлж, элдэв өвчлөл тасрахгүй байна. Хэдэн жилийн өмнө бид халаасан хоол идэж болдог байсан. Харин өнөөдөр агаарын бохирдлоос болоод хоёр цагаас илүү хугацаа өнгөрсөн л бол ямар ч хоолыг идэж болохгүй болсон” гэж байлаа. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөв хооллолтыг эрхэмлэхийг зөвлөж байгаа. Идэж байгаа хоолоо нэг таваг гэж үзвэл тэн хагас нь ногоо, жимс үлдсэн нь мах, үр тариа, цагаан идээ байх ёстой. Манайд үр тариа, ногоо жимснийх нь байр солигдчихсон. Үүнээс үүдэн эсийн түвшин дэх дархлалын системдээ алдаа заах гээд байдаг. Мөн чихэр ихээр хэрэглэдэг болсон. Чихэрлэг зүйлс нь өвчин үүсгэх бактеруудыг дэмжээд байдаг юм. Тиймдээ ч харшил, хавдар ихсээд байна. Унтаж байх үед хүний биед эрүүлжих процесс явагдаж байдаг. 22:00 цагт унтах нь маш чухал. Гэтэл залуучууд яг тэр цаг үед баар, цэнгээний газар сууцгааж байна. Эцэг, эхчүүд өсөлтийн даавар ялгардаг үе болох 22:0003:00 цагт хүүхдээ бага балчираас нь унтуулж хэвшүүлмээр байна. Нойрны дэглэмийг чанд сахих нь маш чухал. Мөн хүн болгон идэвхтэй хөдөлгөөн хийж байгаасай. Хүүхэд байхаасаа л өглөөний дасгал хийж, өдөртөө тогтмол алхдаг баймаар байна” гэлээ. Хүүхдэд хийх шаардлагатай вакцинуудыг цаг тухайд нь хийлгээгүйн улмаас улаанбурхан зэрэг өвчин дахин гарах болсныг ч тэрээр онцолж байсан юм. Бид ярилцан суусаар цаг ч харвасан сум шиг одсоныг үл анзаарчээ. Гавьяатуудын эгэл хэрнээ аз жаргал бялхсан ахуйд ийнхүү саатлаа.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сүнжид: Шинэ Үндсэн хуулиар аймаг, нийслэлд бус сум, дүүрэгт татварын эрхийг өгөхөөр тусгасан

Үндсэн хуулийн төсөлд Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт бий. Яг ямар өөрчлөлтүүд төсөлд тусгагдсан талаар хуульч Д.Сүнжидтэй ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд багийн Засаг даргыг хэрхэн сонгохоор тусгаж байгаа вэ?

-Одоогийн процесс нь Иргэдийн хурлаас санал болгоод дээд шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн тухайд Ерөнхий сайд нь томилдог. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга нь шууд томилохоор тусгагдсан.

-Тэгвэл сум, дүүргийн Засаг даргыг хэрхэн сонгох вэ?

-Сум, дүүргийн Засаг даргыг иргэд нь өөрсдөө сонгоно. Иргэдийн хувьд орон нутгийн хэмжээнд нэг л сонгууль өгнө. Тэр нь сумынхаа Засаг даргыг бас Иргэдийн хурлын төлөөлөгчөө сонгох юм байна. Харин аймаг, нийслэл дээр өнөөдөр үйлчилж байгаа систем хэрэгжинэ. Иргэдийн хурлаасаа санал болгоод Ерөнхий сайд нь томилохоор байгаа.

-Өмнөх тогтолцоонд ямар алдаа, мадаг байна гэж үзсэн бэ. Яагаад ингэж өөрчлөхөөр болов?

-Илүү тогтвортой, хөлөө олчихсон намуудаас Иргэдийн хуралд төлөөлөгчөөр нэр дэвшдэг. Тиймдээ ч Засаг даргыг томилох үйл явцад улстөржилт ихээхэн өрнөдөг. Манай нутаг ус, сум, дүүргийн эрх ашиг гэж харахаасаа илүүтэйгээр улс төрийн талбар болгочихдог. Угтаа бол Үндсэн хуульд нутгийн иргэдийн эрх ашгийг та бүхэн нийлж илэрхийлэх, төлөөлөх, хамгаалах ёстой гэдэг үүднээс зохицуулалт хийсэн байдаг юм. Гэхдээ бодит байдал дээр дүүргийн гэхээс илүү тэнд төлөөлж байгаа намын асуудал хурцаар тавигдаад байдаг. Түүний жишээг ч бид Баянзүрх дүүргийн өнөөдрийн хүртэл Засаг даргагүй байгаа байдлаас харж болно. Мөн Дорнод, Сүхбаатар зэрэг аймгуудад ч ийм үйл явдал болж л байсан. Энэ байдалд иргэд хамгийн ихээр хохирдог. Үүнийг шийдэх гарц гаргалгааг л яриад байгаа юм.

-Нутгийн удирдлагын тогтолцоог ингэж өөрчилснөөр улстөржилт улам нэмэгдэнэ гэх байр суурьтай хүмүүс ч байна. Сөрөг тал нь юу вэ?

– Иргэд Засаг дарга, Иргэдийн хурлаа сонгоно. Улмаар тэдний төлөөллөөс аймаг, нийслэлийн иргэдийн хурал бүрдэнэ. Энэ нь улстөржилтийг шууд багасгана. Сайн талыг нь дурдах юм бол ийм байгаа. Учир нь төлөөлөгч орон нутаг, сумаа төлөөлөөд л сууна. Тэнд нам, эвсэл хамаагүй болж, орон нутгийнхаа нийтлэг эрх ашгийнхаа төлөө дуугарна гэсэн үг. Ямар ч зүйл төгс байдаггүй юм байна. Хүмүүс ярьж байгаачлан сөрөг тал байхыг үгүйсгэх аргагүй. Монгол Улсад нам төлөвшөөгүй, намын санхүүжилт нь ил тод биш байна. Намын төлөвшил муу байгаа нь төрийн институтыг хямралд хүргэж, асуудал үүсгэж байгаа. Гэхдээ ямар нэгэн бүтэц зохион байгуулалтыг бий болгож байж л Засаг дарга нь сонгогдож таарна. Хэн нэгэн ирээд Засаг дарга болъё гэхэд нутгийн иргэд шууд зөвшөөрөөд сонгохгүй нь лавтай. Мөрийн хөтөлбөр боловсруулна, иргэдэд танилцуулна. Ингээд бодохоор ямар нэг зохион байгуулалт хийх л ёстой. Нам хүссэн, эс хүссэн ч зохион байгуулалтын субьект байна.

Үүний зэрэгцээ мөнгөтэй холбоотой ашиг сонирхол зонхилох вий дээ гэх болгоомжлол байгаа. Эдийн засгийн бүлгүүд зохион байгуулалтад орж магадгүй. Хамаатан, садан олонтой нь ялахыг ч үгүйсгэхгүй. Энэ мэтчилэн бүхнийг тоочих юм бол бид өнөөдрийнхөө асуудлыг бүрэн шийдэж чадах уу гэдэгт шууд тийм гэдэг хариулт өгөхөд түвэгтэй байгаа.

-Аль нэг намын хүнийг иргэд сум, дүүргийн Засаг даргаар сонголоо гэхэд ИТХ-д өөр нэг намын төлөөлөгчид олонх болчихвол төрийн ажил гацах юм биш үү?

-Энэ маш чухал асуулт. Сумын болон дүүргийн түвшинд сонгогдсон Засаг дарга, ИТХ хоорондын ажиллах журам, харилцааг ердийн хуулиар тэнцвэрийг нь хангах байдлаар зохицуулж өгөх хэрэгтэй. Маш тодорхой нарийвчлан журамлах шаардлагатай болно.

-Сум, дүүргийн Засаг дарга нар иргэдээс сонгогдсон гэдэг дээрээ дулдуйдаж эрх мэдлээ урвуулан ашиглах нөхцөл байдал үүсэх үү?

-Сум, дүүргийн Засаг даргыг иргэдээс сонгочихлоо гэж бодъё. Гэтэл “Би иргэдээсээ мандат авсан хүн юм чинь” гээд бүрэн эрхийн хугацаандаа дураар шийдвэр гаргана гэсэн үг биш. Хуулиас давсан, зөрчсөн зүйл яриад, хийгээд байж болохгүй. Өнөөдөр ч ийм жишээ тохиолддог. Улсын хэмжээнд нэгдмэл бодлого эрхэлдэг яам, агентлаг нь зөвшөөрөл өгчихсөн байхад өнөөх сум, дүүргийн Засаг дарга “Сайд, агентлагийн даргын тушаал надад хамаагүй” гээд сууж байдаг. Үүнийгээ “Би иргэддээ амлалт өгсөн” гэж зөвтгөдөг юм. Тэгэхээр сум, дүүргээс сонгогдсон Засаг даргын хувьд ингэж ярих тун болзошгүй. Иймд салбар хуульд шалгуурыг маш тодорхой заах ёстой болж байгаа. Эрхийг нь нэгэнт нээчихэж байгаа тохиолдолд хяналтыг нь тавих нь зүйн хэрэг.

-Сум, дүүргийн Засаг даргыг иргэдээс сонгосон ч дээд шатны Засаг дарга нь томилно, огцруулна гэж заасан. Энэ нь хэр зөв шийдэл юм бэ?

-Хариуцлага алдаж, хууль биелүүлээгүй тохиолдолд дээд шатны Засаг дарга нь огцруулчихъя гэж байгаа юм. Сум, дүүргийн Засаг даргыг огцрууллаа гэхэд ахиад сонгууль явуулна гэж байхаар л дээд шатны Засаг даргад нь хариуцлага тооцох эрхийг нь өгчихвөл яасан юм бэ гэж байгаа хэрэг. Сум, дүүргийн Засаг даргыг иргэдийн мандаттай болгож байгаа юм бол яагаад дундаас нь дээд шатны Засаг даргад огцруулах, томилох эрхийг нь өгдөг юм бэ, энэ бол зөрчил мөн гэх шүүмжлэлийг хэлэх хүмүүс байгаа. Үүнд үндэслэл бий. Хэн нэгэн Засаг даргыг огцруулахаар иргэд олноороо саналаа нэгтгэж, зохион байгуулалтад орно гэдэг цаг, зохион байгуулалтын хувьд хүндрэлтэй байж магадгүй. Тийм учраас дээд шатны Засаг даргад нь энэ эрхийг өгчихье гэсэн санааг гаргасан хэрэг.

УИХ-ын гишүүд өөрсдөө хэлэлцэх, томьёоллоо батлах эрхтэй. Нутгийн удирдлагын туршлагатай, тэнд ажиллаж үзсэн, зовлон жаргалыг нь мэдэх олон хүмүүс байгаа юм билээ. Тиймээс томьёоллыг нь сайжруулаад явчих байх гэж бодож байна. Харин сайжруулахдаа тогтолцоо, зарчим гээч зүйлийг барихгүй бол үг, үсэг хөөцөлдөж явсаар юу ч биш болгочих эрсдэл байдгийг бас санах учиртай.

-Сум, дүүрэг бол Үндсэн нэгж юм гэж зааж өгчээ. Ингэснээр ямар өөрчлөлт гарах вэ?

-Сум, дүүрэг, аймаг, нийслэл дээр нийтлэг чиг үүрэг нь давхцахаар байдаг. Аймаг, сумын бүрэн эрхийг нь нийтлэг бүрэн эрх гэдгээр хуульд цуг заасан. Ихэнх ерөнхий чиг үүргийн хувьд аймаг, сум аль аль нь эрхтэй юм шиг болчихдог. Мөн чанар дээрээ аймаг төвлөрүүлэх талдаа уламжлалтай. 2018 оны Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн судалгаагаар тодорхойлсон энэ асуудлыг шийдвэрлэхээр сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн эрхийг тусад нь зааж өгч байгаа. Дүүргүүд 100-150 мянган хүн амтай байгаа. Гэтэл хамгийн их хүн амтай сум байсан ч тав, арван мянгаас хэтрэхгүй. Тиймээс ингэж холбоо үгээр нэрлэж, байнга зэрэгцүүлэхээ больё гэдэг зүйлийг судлаачид хэлж байгаа юм. Ингээд нэг талаасаа 1992 оны Үндсэн хуулийн эдийн засаг, нийгмийн цогцолбор байх зарчмыг тодруулж, нөгөө талаас чиг үүргийг оновчтой ялгаж зааглахын тулд иргэнд ойр сум, дүүргийг үндсэн нэгж гэж томьёолох нь ач холбогдолтой гэж үзэж байна. Ингэснээр аймаг, нийслэлд бус сум болон дүүрэгт өмчийн татварын эрхийг төвлөрүүлэх юм.

-Дураараа татвар тогтоох нөхцөлийг бий болгочихож байгаа хэрэг биш үү?

-Татварын асуудлыг тодруулахад дээр “зөвхөн хуулиар тогтоосон хүрээнд” гэдэг хязгаарлалттайгаар томьёолсон. Мэдээж хүрээ хязгааргүй байж таарахгүй. Социализмын үед хүүхэдгүйн татвар гэж байдаг байсан. Магадгүй энэ мэт татварыг зохиогоод аваад байхыг үгүйсгэхгүй. Тиймээс зөвхөн хуулиар л сум, дүүрэг ямар төрлийн татвар хураах боломжтойг тогтооно. Түгээмэл тархацтай ашигт малтмалаар татвар тогтоож болно гэдэг ч юм уу эрхийг нь өгөх юм. Магадгүй дээд хязгаарыг нь ч тогтоож өгч болно.

Ер нь бид 1992 оны Үндсэн хуулиас хойш маш их болгоомжилсон. Гэтэл эцсийн дүндээ бид урагшилж, ахиж, тулгамдсан асуудлаа даруй шийдээд хөгжиж чадаж байна уу, үүнийгээ бодох цаг болсон. Улсын төсөвт нэмэр болдог битгий хэл эдийн засгийн хувьд бие даасан, татаасгүй ажилладаг аймаг, сум хэдхэн байсаар ирсэн. Гэсэн хэрнээ бид хөгжмөөр байна гэж яриад байдаг. Ийм учраас болгоомжлохын сацуу боломжийг нь өгөх ёстой.

-Авсан татвараа хэрхэн зарцуулах вэ?

-Татварыг юунд зарцуулахыг иргэд заана. Жишээ нь, түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга, дайргад татвар тогтоолоо гэж бодоход олсон татвараа байгалийг нөхөн сэргээхэд зориулаарай гэх мэт. Мөн боловсролд тэдэн хувийг нь зарцуулах ёстой гэж нарийвчилж ч зааж болно. Энэ бол эргээд хяналт тавихад маш тодорхой боломжтой арга.

-Зарим аймгуудыг хот болгох боломжийг хуулиар нээж өгч байгаа. Үүний давуу тал нь юу байна вэ?

-Хотын эрх зүйн байдлын тухай хууль огт хэрэгжсэнгүй, энэ хуулийг амьдруулах нь зүйтэй гэдгийг судлаачид хэлж, дүгнэж байгаа. Хот тосгоноо хөгжүүлье гэж байгаа бол эхлээд хуулиа өөрчлөх шаардлагатай. Хүн амын тоогоор нь аваад үзсэн ч нэн тэргүүнд Эрдэнэт, Дархан хоёр улсын зэрэглэлтэй хот болох боломжтой юм. Энэ асуудал Үндсэн хуулийн төсөл яригдах болгонд орж ирж байсан. Гэхдээ хот гэдэг статусыг өгчихөөр л тухайн нутаг шууд хөгжөөд сайхан болчихгүй. Хот гэдэг нь хүн ам, эдийн засгийн нөөц, аж ахуй үйлчилгээ төвлөрсөн, Б.Чимид багшийн хэлснээр нэг төрлийн кропораци л юм. Иргэдээ хэвийн амьдруулах нь л хотын хариуцах асуудал байдаг. Ногоон байгууламж, гэрэл гэгээ, зогсоол, тайван амгалан орчинг бүрдүүлэх нь л хотын үүрэг. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улсын болон аймгийн зэрэглэлтэй хот нь хэвээрээ, үүнийхээ өөрийн удирдлага, зохион байгуулалтын үндсийг нь салбарын хуулиар тогтооно шүү гэдгийг тодруулсан. Тусдаа өөрийн удирдлагатай байгаагүй нь манай улсын тулгамдсан асуудал болоод байна. Одоо бол ихэнхдээ хотын юмуу тосгоны захирагч бөгөөд Засаг дарга гэж хамт явдаг. Угтаа бол захирагч, Засаг дарга нь тус тусдаа өөр хүмүүс байх ёстой. Хотын юмуу тосгоны захирагчийн үүрэг туйлын тодорхой. Ердөө л хотын хэвийн байдлыг хангахад анхаарлаа хандуулна. Зам талбай, гэрэлтүүлэг, бизнес, үйлчилгээ гэх мэт.

Харин засаг захиргааны нэгжийн хэмжээнд хүргэх төрийн үйлчилгээг тухайн шатны Засаг дарга хариуцаж байх учиртай юм. Энэ асуудлыг зохицуулах боломж олгоно. Хэрэв аймаг, сум эсвэл хот тосгоны хилийн цэс давхцаж байвал заавал тусдаа удирдлага байхгүй, нэгэнд нь шилжүүлэх асуудлыг салбарын хуулиар зохицуулах суурийг заасан.

Categories
мэдээ цаг-үе

Кшиштоф Бойко: Монгол дэлхийн том зах зээлийн цонх нь болж байгаа орон

Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойкотой ярилцлаа.


-Та Монгол Улсын Ерөнхийлөгчид Элчин сайдаар ажиллах Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Танд баяр хүргэе!

-Тавдугаар сарын 28-ны өдөр миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчид Элчин сайдаар ажиллах Итгэмжлэх жуух бичгээ барьсан. Энэ нь миний хувьд маш их хүндэтгэлтэй чухал үйл явдал боллоо. Учир нь польшуудыг сайн мэдэх, тэднийг байнга дурсаж байдаг, мөн тэдэнтэй хамтарч ажиллахыг хүсдэг ийм оронд Элчин сайдаар ажиллах болсондоо маш их баяртай байна.

Польш, Монголын харилцааг дундад зууны үеэс эхлэлтэй гэж хэлж болно. Польшийн эрдэмтэн судлаачид XIX зууны эхэн үеэс л Монгол орныг зорин ирж Монголын түүх, соёлыг судалж байсан. Хоёр орны хооронд 1950 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүний 70 жилийн ой ирэх онд болно. Энэ ойг хоёр орондоо өргөн дэлгэр тэмдэглэхээр ярилцаж байгаа. Ойн хүрээнд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаас гадна өргөн хүрээг хамарсан бизнес уулзалт хийхээр төлөвлөж байна. Эдгээр арга хэмжээ нь хоёр орны хоорондын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болно хэмээн найдаж байна.

-Таны хувьд Элчин сайдаар ажиллах хугацаандаа ямар ажлуудад гол анхаарлаа хандуулахаар байгаа вэ?

-Миний хувьд хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд анхаарах болно. Энэ оны дөрөвдүгээр сард Европын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын шугамаар “Улаанбаатар, Дарханд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлье” гэсэн сэдэвт семинарыг Польшийн тал санаачлан зохион байгуулсан. Цаашид ч энэ талаар идэвхтэй ажиллана. Мөн хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц болох Польш улсын Хөрөнгө оруулалтын худалдааны агентлаг Улаанбаатар хотноо 2018 оны арванхоёрдугаар сард нээгдсэн. Энэ агентлаг нээгдсэнээрээ манай хоёр орны эдийн засгийн харилцааг тал бүрээр хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж харж байгаа. Хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор ”Монгол бидэнд илүү ойрхон болж байна” уриан дор Польш, Монголын бизнес уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Монгол Улс газар зүйн байрлалынхаа хувьд хоёр том гүрний дунд оршдог. Түүний өмнөд хөрш БНХАУ маш их бараа бүтээгдэхүүнийг экспортлохоос гадна импортоор авдаг. Энэ улстай хил залгаа оршиж байгаагийн хувьд Монгол Улсыг дэлхийн том зах зээлийн цонх нь гэж хэлж болно. Манай хоёр орон энэ чиглэлд хамтарч ажиллах бүрэн боломжтой юм.

Би танай улсад томилогдон ажиллахынхаа өмнөхөн өөрийн улсын Ерөнхийлөгчид бараалхахдаа “Элчин сайдын хувьд хоёр орны харилцааг одоогийн байгаагаас нь илүү өндөр түвшинд гаргахын төлөө чармайн ажиллах болно” гэдгээ хэлсэн. Энэ оны тавдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахдаа “Танай оронд Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг тал бүрээр нь хөгжүүлэхийн төлөө чармайж ажиллах болно” гэдгээ мөн хэлсэн. Тиймээс миний тавьж байгаа зорилт хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Монгол оронд ирээд хүмүүстэй уулзаж байхад монголчууд польшийн ард түмэнтэй харилцаагаа хөгжүүлье гэсэн сайхан хүсэл эрмэлзэлтэй, аливаа асуудалд нааштай ханддаг юм байна гэдгийг илүүтэй ойлгосон. Тиймээс би Монгол Улсад Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг шинэ түвшинд аваачих боломжтой хэмээн найдаж байна.

-Хоёр орон боловсролын салбарт хамтран ажиллаад багагүй хугацааг өнгөрүүлсэн. Цаашид энэ чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Хоёр орны харилцааны нэг чухал хэсэг бол боловсролын салбар юм. Боловсролын хамтын ажиллагаа хөгжихөд Монгол Улсаас манай оронд суралцан боловсрол эзэмшиж байгаа хүмүүс ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байна. Бидний тооцоолсноор Польшийн их, дээд сургуульд 1000 орчим монголчууд суралцжээ. Одоогийн байдлаар Монгол Улсын Их сургууль БНПУ-ын дөрвөн их сургуультай хамтран ажиллаж байна. Мөн Варшавын их сургуультай хамтран ажиллах эхний алхамууд хийгдэж байгаа. Намайг баярлуулж байгаа бас нэг зүйл нь монгол залуус польш хэлийг эх орондоо сурч байгаа явдал юм. Миний хувьд өөрөө их сургуулийн багш хүн. Тиймдээ ч хоёр орны их, дээд сургуулиуд хамтын ажиллагаатай байгаа нь намайг их баярлуулж байгаа. Цаашдаа ч энэ салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд онцлон анхаарч ажиллах болно.

-Одоогоос 10 жилийн өмнө Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яам манай улсад үйл ажиллагаагаа явуулж байгаад татан буугдсан. Польшийн Элчин сайдын яам манай улсад дахин үйл ажиллагаагаа явуулах уу. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Улаанбаатар дахь манай улсын Элчин сайдын яамны үйл ажиллагаа 2009 онд зогссон байдаг. Тиймээс миний бие Элчин сайдаар ажиллах хугацаандаа хаагдсан Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээхийн төлөө чармайж ажиллах болно. Энэ асуудлаар манай улсын Засгийн газар эцсийн шийдвэрээ гаргана. Хэдийгээр Улаанбаатар хотод манай Элчин сайдын яам байхгүй ч гэсэн хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, соёлын салбарт маш сайн хөгжиж байгаа нь намайг баярлуулсаар байна.

-Польш хүмүүс Монгол орны талаар ямар мэдээлэлтэй байдаг бол?

-Монгол Улс Азийн орнуудаас ялгарах өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Тэр нь улс орноо ардчилсан замаар хөгжүүлэх зорилт тавьж, түүнийгээ амжилттай хэрэгжүүлж байгаа явдал юм. Ардчиллыг хөгжүүлэх үйлсэд илүүтэй анхаарч байгаа нь Азийн орнуудаас ялгарах түүний гол онцлог. Тиймдээ ч польш хүмүүс Монгол орныг өндрөөр үнэлж дүгнэж байдаг. Манай хоёр оронд ижил төстэй нэг зүйл байдаг. Монгол орны эдийн засгийн хөгжил Зүүн Өмнөд Азийн орнуудын дунд нэлээд хурдацтай хөгжиж байгаа гэж хэлж болно. Өнгөрсөн жилийн статистикийн мэдээгээр Монгол Улсын эдийн засаг долоон хувийн өсөлттэй байснаараа Ази тивдээ, манай улсынх 4.6 хувийн өсөлттэй байснаараа Европын орнууд дотроо өндөр байр суурь эзэлж байгаа юм. Ингээд сониноороо дамжуулж монголчуудтай уулзах боломж олгосон “Өдрийн сонин”–ны редакцийн хамт олонд талархал илэрхийлье.


Categories
мэдээ цаг-үе

Алдархааны дунд сургуулийг төгсөөд 50 дахь жилээ угтаж буй 8 “A” ангийнхан

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд Завхан аймгийн Алдархаан сумын сургуулийн 1969 оны төгсөгчид оролцож байна. Завхан аймгийн Алдархаан сумын Улсын баатар, армийн генерал Батын Доржийн нэрэмжит есөн жилийн дунд сургуулийг 1969 онд төгссөн 8 “A” ангийнхан өнөөдөр 50 жилийнхээ ойг тэмдэглэхээр эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж, Сүхбаатарын талбайд баяр хөөр болон уулзацгааж буй. Энэ л агшинд “Өдрийн сонин”-ы “Нэг ангийнхан” буланд ангийнхаа тухай гарсан нийтлэлийг уншаад тун ч жаргалтай суугаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ангийнхандаа ийн гэнэтийн бэлэг барихаар Д.Балжинням тэргүүтэй ангийн хөвгүүд манай сониныг зорин ирсэн билээ.

Энэ ангийнханд А үсгийг заасан, бага ангийн багш нь Ц.Цэрэндорж юм. Багшийнхаа цэвэр сайхан бичигтэй байсныг нь одоо ч тэд шагшин магтдаг юм билээ. Харин тэд наймдугаар ангиа А.Чибиш багшийн удирдлаган дор 1969 онд төгсчээ. Тэд 17 хөвгүүн, 21 охинтой нийт 38-уулаа төгссөн байна. “Бидний нэг хэсэг нь арван жилийн сургууль, техникумд суралцсан. Нөгөө хэсэг нь амьдралын захгүй их далайд хөл тавьсан юм. Тэр цагаас хойш хэдийнэ 50 жил ард хоцорчээ. Хонхон дуутай, улаан бүчтэй сурагч ахуй насаа дурсан суух сайхан байдаг даа. Өдгөө үсэнд нь буурал хяруу буусан эмээ, өвөө болцгоожээ. Хэдийгээр бид өтөлсөн ч хүүхэд нас, сургуулийн хөгжөөнт амьдрал тодоос тод байна. Уулзалт маань баяр хөөрөөр дүүрэн сайхан болно гэдэгт итгэж байна. Бидний урилгыг хүлээн авч, ач холбогдол өгч, цаг зав гарган хүрэлцэн ирсэн ангийнхандаа, охиддоо талархлаа илэрхийлье” хэмээн уулзалтыг зохион байгуулагч Х.Лхагвасүрэн хэлж байлаа.


Тэд сургуульд орохдоо формын хувцас байхгүй учир хөх даалимбан тэрлэг, улаан таван хошуу хадсан даавуун цүнхээр ижилсэж байжээ. Дотуур байранд ороогүй хүүхдүүд нь сургуульдаа морь, тэмээгээр ирцгээнэ. Сургуулийн гадна талд морь мал багширч эрдэм номонд шамдах эздээ хүлээж байсан гээд бодоход өнөө үеийн хүүхдүүдийн санаанд буумгүй мэт. Алдархаан сумын сурагчдын хайрыг татсан хүн нь усч Маньбазар хэмээх нүдэнд дулаахан буурай байж. Тэр хүн л сургууль, дотуур байрыг ундтай устай байлгана. Гэрээ санасан жаалуудад аав шиг нь л элэгсэг дулаан ханддаг байсан түүнийг 60 жилийн дараа ч дурсан байгаа нь энэ юм. Харин тухайн үеийн сурагчдын сүлд дуу нь Пионерын дуу. Хааяахандаа үлээвэр хөгжмийн аянд бүжиглэнэ. Хүүхэд бүр Хөдөлмөр батлан хамгаалахад бэлхэн гэх тэмдгийн шалгуурыг биелүүлцгээнэ. Энэ нь хүүхдүүдийн бие бялдар эрүүл чийрэг өсөн торниход чухал үүрэг гүйцэтгэдэг байсан нь мэдээж. Өвөл цагт сардаа нэг удаа Хүрэн толгойнхоо мөсөн дээр цанын тэмцээн зохиож, ханатлаа гулгацгаана. Энэ бүхэн л тэдний сурагч ахуй үеийн нандин гэгээн бүхнийг хадгалан үлджээ.

8 “A” ангийнхан сургуулиа төгсөөд цэрэг, арми, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарт дор бүрнээ идэвх чармайлттай ажиллаж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулцгаажээ. Үүндээ ч тэд баярлаж, бахархаж явдаг гэсэн. Тухайлбал, Р.Янжиндулам, Р.Лхагваа, Д.Банзрагч, Б.Батжаргал, Л.Бямбасүрэн нар МХЗЭ-ийн илгээлтээр МАА үйлдвэрлэлд гарч аймаг, сумын аварга мянгат малчид болжээ. Ц.Бямбасүрэн, М.Отгон, А.Аюушжав нар цэргийн дарга нар болсон байна. Тэднээс зарим нь хурандаа цол хүртэж, эх орныхоо зэвсэгт хүчин, Батлан хамгаалах чадварыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. Ш.Ядамжав, Г.Батнасан, Ж.Наранчимэг нар хүний их эмч болцгоож, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогссоор гавьяаныхаа амралтад гарчээ. Х.Лхагвасүрэн “Ш.Ядамжав сурагч ахуй үедээ л хүний их эмч болно гэж тоглож наадан ангийнхаа охидыг шоглож байсан юмдаг. Найз минь хүүхэд ахуйн мөрөөдлөө биелүүлж Анагаах ухааны их сургууль төгсөөд хүний их эмч, тэр тусмаа эмэгтэйчүүдийн их эмч болсон. Улмаар Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт насаараа ажиллан тэргүүлэх зэргийн нэртэй эмч болсон юм. Хүүхэд ахуйн мөрөөдлийнхөө эзэн нь болсон хүн дээ” гэв.


Харин Д.Цагаандолгор, Т.Дуламсүрэн, Л.Бямбарагчаа, Ж.Батхуяг, Б.Чимэддорж нар нэртэй сурган хүмүүжүүлэгчид болжээ. Л.Бямбасүрэн, Даваатогтох, Д.Ганжуур, Д.Сувд нар ХАА-н тэргүүний мэргэжилтэн, Н.Нямсүрэн, С.Баянжаргал нар цуутай бизнесмэнүүд болсон байна. Мөн Д.Балжинням Улс төрийн дээд боловсрол, эдийн засагч мэргэжил эзэмшиж төрөлх сумынхаа дарга, Засаг даргаар 10 гаруй жил үр бүтээлтэй ажиллажээ. Засаг даргаар ажиллах үедээ сумынхаа эдийн засгийн чадавхийг дээшлүүлж, мал сүргийн тоог өсгөн 160 гаруй мянган толгойд хүргэн, аймгийн жишиг сум болгохын төлөө ажиллаж байжээ. Тэд Б.Чимэддоржийгоо “Эвлэл ах” гэж авгайлдаг байж. Учир нь ангийнхнаасаа хамгийн түрүүнд эвлэлийн гишүүн болсон аж. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тэрээр төрөлх сургуульдаа 30 гаруй жил ажиллаж, олон мянган шавтай болжээ. Мөн сургуулийнхаа захирлаар арваад жил ажилласан байна. Энэ хугацаандаа сургуулийн 80, 90 жилийн түүхт ойг тэмдэглэн, аймгийн хэмжээнд жишиг сургууль болгож чадсан нэгэн гэнэ.

Энэ ангиас хийсэн бүтээснээ үнэлүүлж төрийн дээд одон медалиар шагнуулсан хүн олон. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор дөрөв, Алтан гадас одонгоор 12, Хөдөлмөрийн хүндэт медалиар 18, салбарын тэргүүнээр есөн хүн тус тус шагнуулжээ. Мөн Ардын хувьсгалын ойн медалиудаар олон арван хүн энгэрээ мялаасан байна.


Г.Даграгчаа “Сургуулийн захиргаанаас түлээний мод хөрөөдөх, илжгэнд өвс өгөх, хадаж хураах, хүнсний ногоо хураах ажлуудад оролцдог байсан. Ангийнхан маань элдэв дутагдал, зөрчилгүй тун ч хүмүүжилтэй хүүхдүүд байж билээ. Нийтэч, ур чадвартай, хичээнгүй , хүнлэг тэднийгээ сэтгэл зүрхэндээ үргэлж тээж явдаг даа. Бид хотод оюутан болж ирчихээд байнга уулзана. Жаргал, зовлонгоо хуваалцаж сууснаа дурсахад сайхан байдаг даа. Та нарынхаа нандин чанар, цайлган сэтгэл, итгэлийг үргэлж санаж явах болно” гэж байлаа. Харин Г.Загдсүрэн “Эрдэм номын далайд хөтөч болсон ачит багш нар, эрдмийн уурхай болсон сургуулиараа бахархаж явдаг юм. Манай сургууль 1926 онд 25 сурагч, хоёр багштайгаар “Тэнхим” нэртэй байгуулагдсан түүхтэй. Харин 1937 онд бага, 1968 оноос найман жилийн дунд, 1990-ээд онд арван жилийн, 2010 оноос есөн жилийн дунд сургууль болжээ. Ийнхүү 93 дахь жилдээ ажиллаж буй улсын ууган сургуулиудын нэг юм. 1994 онд БНМАУ-ын баатар Армийн генерал Б.Доржийн 80 насны ойгоор түүний нэрэмжит болсон. Манай сургуулиас Олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Магван, физикч Н.Содном, Г.Очирбат, Монгол Улсын гавьяат багш Б.Бор, Ч.Жаргалсайхан нарын 40 гаруй эрдэмтэн, гавьяатнууд төрөн гаржээ. Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Монгол Улсад анх удаа 999 морин хуурч, аймагтаа 2222, 3000 морин хуурчийн тоглолт зохион байгуулсан Ю.Дэлгэрнасан нарын төрөлх сургууль юм. Ю.Дэлгэрнасангийн морин хуур хөгжмийг нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсийг үнэлж Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх цол тэмдгээр шагнасан юм. Ингээд нэгэн ширээнд тохой нийлүүлэн сууж, ижилдэн дассан ангийнхандаа 50 жилийн ойн мэндийг хүргэж байна” хэмээв. Мөн 1969 оны төгсөгчдөөс төрөлх сургуулийнхаа 93 жилийн ойн мэндийг сургуулийн үе үеийн сурагчдадаа дэвшүүлж байлаа.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ цаг-үе

О.Мөнхсайхан: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улстөрчид шүүх, Цэцийг чих зөөлөнтэй хүнээр дүүргэдгийг хязгаарлана


Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналын хувилбар боловсруулах үүрэг бүхий эрдэмтэн, судлаачдын ажлын дэд хэсгийн нарийн бичгийн дарга, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.


-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барилаа. Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь мөн үү?

-Монголчууд бид 1992 онд парламентын засаглалыг тогтоож хүний эрх, эрх чөлөөг хамгаалах агуулгаар анхны ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Үндсэн хуулийн дагуу нийгэм, эдийн засаг, улс төр, социал хүрээнд олон янзын шинэчлэл хийгдсэн. Өнгөрсөн 27 жилийн хугацаа шулуун дардан байгаагүй. Олон бэрхшээл тулгарч заримыг нь шийдэж, мөн орхигдуулсан зүйл ч бий. Энэ бэрхшээлүүдийн дийлэнх нь хөгжиж байгаа аль ч улсад тулгардаг. Гэхдээ тодорхой цөөн зүйл нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын хүрээнд тодруулга хийж шийдэгдэх шаардлагатай. 2000 онд тухайн үеийн Ерөнхийлөгч, УИХ хоорондын харилцаанд үүссэн хямралыг шийдэхийн тулд Үндсэн хуульд долоон нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. 1996-2000 онд УИХ-ын 76 суудлын 50-ыг авсан олонх чуулганы хуралдаанаа хийж хуулиа баталж чадахгүй, Ерөнхий сайд болон сайдад нэр дэвшүүлэх асуудал Ерөнхийлөгч дээр гацдаг зэргийг засахын тулд тэрхүү өөрчлөлтийг хийсэн. Гэсэн ч УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг зөвшөөрсөн нь УИХ-аас Засгийн газарт тавих хяналт, энэ хоёр эрх мэдэл бие биеэсээ тусдаа байх нөхцөлийг бүдгэрүүлсэн. Мөн 76-хан гишүүнтэй парламент гэсэн онцлогоо харгалзаагүйгээс болоод 39 гишүүн цуглаад 20 нь хууль батлах боломжтой болсон. Энэ мэтчилэнгээр 2000 оны нэмэлт, өөрчлөлт шүүмжлэлтэй тулгардаг. Үүнийг засаж залруулах нь зөв хэмээн яригдсаар ирсэн. Мөн өнгөрсөн хугацаанд хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт сул, Засгийн газрын хэт тогтворгүй байдал, шүүх эрх мэдлийн бие даасан байдал сул байгаагаас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал сөхөгдсөн. Ингээд энэ сарын 6-ны өдөр Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан гишүүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барилаа.

-Үндсэн хуулийн хэдэн зүйл, заалтыг өөрчилж байгаа вэ?

-Ерөнхийдөө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дөрвөн багц асуудлыг хөндсөн. Энэ нь Үндсэн хуулийн 20 зүйл буюу нийт зүйлийн 28.4 хувийг хөнджээ.

-Гол өөрчлөлтүүдээс дурдаач?

-Нэгдүгээрт, Монголд парламентын үйл ажиллагаа, хариуцлага, гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтыг сайжруулахад чиглэсэн. УИХ хагас жил тутам ажлын 50 өдөр чуулдаг байсан бол төслөөр 70-аас доошгүй болгон нэмэгдүүлж, байнгын ажиллагаатай парламентын шинжийг хангах заалт оруулсан. Мөн УИХ-ын нийт гишүүний олонх буюу 39-өөс доошгүйн саналаар хуулийг эцэслэн баталдаг болно. Энэ нь иргэдийн төлөөллийн байгууллагын шинжийг бататгах, олонхоороо шийдвэрлэх зарчмыг хангах, чанартай хууль батлан тогтвортой биелүүлэхэд эергээр нөлөөлнө. Мөн УИХ-ын гишүүн Үндсэн хуульд заасан албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэж зааж байгаа нь УИХ-ын албан үүрэгтэй харшилдах, ашиг сонирхлын зөрчил үүсгэх ажил, үйл ажиллагааг эрхлэхийг зогсоох юм. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөн гишүүн л УИХ-ын албан тушаалыг хавсарч болно гэж оруулж өгсөн. Энэ нь парламентын тогтолцоотойн хувьд УИХ дахь олонхын лидерүүд Засгийн газарт орж ажиллан иргэдийн дэмжсэн чухал бодлогыг боловсруулж батлуулахад хамтран ажиллах боломжийг хадгалж байгаа. Үүний зэрэгцээ 76-хан гишүүнтэй “давжаа” парламентын онцлогийг харгалзан хэт олон сайд УИХ-ын гишүүн болж хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг зааг ялгаа бүдгэрэхээс сэргийлнэ. УИХ-ыг хариуцлагажуулахтай холбоотойгоор УИХ нийт гишүүдийнхээ гуравны хоёрын саналаар тарах боломжийг тодорхой болгосон. УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс 45 хоногийн дотор, эсвэл шинээр Ерөнхий сайдыг томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргахаар болсон. Герман, Унгар, Эстони зэрэг улсын жишгийг харгалзан УИХ-ыг ингэж хариуцлагажуулна.

Сангийн яамнаас тооцоо, судалгааг үндэслэн улсын төсвийн төслөө өргөн барьдаг. Харин УИХ-ын гишүүд тойрог руугаа аль болох их мөнгө татахаар өрсөлдөж өнөөх төслийг танигдахгүй болтол өөрчилчихдөг. Орлогоосоо давсан зарлагыг бий болгож, хязгаарлагдмал төсвөө үр ашиггүй зарцуулан нийгэм, эдийн засгийн асуудлаа шийдэж чадахгүй байдалд хүрдэг. Үүнийг шийдэхийн тулд УИХ улсын төсвийн төслийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зарлага нэмэгдүүлэх, зарлагын шинэ төрөл үүсгэхийг хориглочихож байгаа. Ингэснээр хариуцлагатай төсөв баталж төсвийн алдагдал багасч, улсын өр зээл буурах магадлалтай.

-Сонгууль болохоос нэг жилийн дотор Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхгүй байхаар Үндсэн хуульд зааж өгч байгаа нь жижиг намуудад олзуурхууштай зүйл болж байх шиг.

-2012 онд Монгол Улс холимог сонгуулийн тогтолцоогоор явсан. 2016 онд Цэцээс сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоо нь Үндсэн хууль зөрчсөн гээд хүчингүй болгосон. Үүнээс болоод Монгол Улс зөвхөн мажоратор тогтолцоогоор сонгууль явуулах мэт байдал руу орчихсон. Гэтэл парламентын тогтолцоотой улсууд хувь тэнцүүлсэн тогтолцоог улс орныхоо онцлогт тохируулж дангаар нь, эсхүл мажоратор тогтолцоотой хослуулан хэрэглэх нь олон. Цэцийн саяын шийдвэрээр сонгуулийн тогтолцоог Монголын онцлогт тохируулж хөгжүүлэх боломжийг хаачихаж байгаа юм. Тиймээс төсөлд сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гэсэн заалт орсон. Мөн УИХ дахь олонх болсон нам сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуулиа шинээр баталдаг. 2016 онд бол сонгууль болохоос хоёр сарын өмнө сонгуулийн хуулийг орвонгоор нь өөрчилсөн. Ингэж өөрчлөхдөө яавал манай намд ашигтай вэ гэж ханддаг. Энэ нь УИХ-д шинээр нэр дэвших гэж байгаа улстөрчид, жижиг намуудад тодорхойгүй байдал үүсгэж, сонгуулийн өрсөлдөөний шударга байдал алдагддаг. Үүнийг болиулахын тулд сонгууль болохоос нэг жилийн дотор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглож байгаа. Үндсэн хуулийн асуудлаар судалгаа хийдэг Венецийн комиссоос яг ийм зөвлөмж өгсөн байдаг. Түүнчлэн Монголд хамгийн авлигажсан институтүүдын магнайд нам орж, иргэдийн итгэлийг алдаад байна. Нам өөрөө иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, сонгуульд амжилт гаргавал төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог. Тиймээс нам ардчилсан зарчмаар зохион байгуулагдаж, санхүүжилт нь ил тод байх ёстой. Уг шинэчлэлийг улс төрийн намын хуулийг өөрчилж хийх гэж сүүлийн хоёр парламент ярьж байгаа ч чадахгүй байна. Тиймээс энэ талаар намыг үүрэгжүүлсэн заалт Үндсэн хуульд оруулахаар төсөлд туссан.

-Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой ямар нэмэлт, өөрчлөлт орж байгаа вэ?

-Манайд Засгийн газар маш тогтворгүй явж ирсэн. 1992 оноос хойш 14 засгийн газар байгуулагдсанаас хоёрхон нь бүрэн эрхийн хугацаандаа ажилласан. Засгийн газрын дундаж бүрэн эрхийн хугацаа 1.8 жил. Ямар ч Засгийн газар гарч ирлээ гэсэн бодлогоо боловсруулж батлуулаад, түүнийгээ хэрэгжүүлж эхлэх гэж байтал огцорчихдог. Ингээд Монголд ямар ч бодлого хэрэгждэггүй. Үүнээс болоод нийгэм, эдийн засгийн асуудлуудаа шийдэж чадахгүйд хүрч ядуурал, авлига, баялгийн тэгш бус хуваарилалт дорвитой буурахгүй байна. Одоогийн Үндсэн хуулиар УИХ-ын хуралдаанд сууж байгаа гишүүдийн олонх нь л Ерөнхий сайдыг огцруулчихдаг. Ингээд сандал, ширээний араас хөөцөлдсөөр, дараагийн ээлж нь хоолондоо ордог. Үүнийг зогсоох олон улсад туршигдсан хамгийн сайн аргуудын нэг буюу конструктив саналыг төсөлд тусгасан. Тодруулбал, Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь тавьбал УИХ шийдвэрлэнэ. Уг саналыг нийт гишүүний олонхоор дэмжсэн бол Ерөнхий сайд огцорч шинэ Ерөнхий сайд томилогдоно. Ингэснээр одоогийн Ерөнхий сайд болон оронд нь Ерөнхий сайд болохоор нэр дэвшиж буй хүн хоёрыг харьцуулж шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм. Үүрэг гүйцэтгэгч гэх этгээд ажиллахгүй, төрийн ажил цалгардахгүй болно. Энэхүү арга нь Засгийн газрын бүрэн эрхийн дундаж хугацааг уртасгах, тогтвортой ажиллуулахад тустай гэдгийг олон улсын туршлага харуулдаг. Мөн Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал УИХ нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ. Тогтоолын төслийг баталчихвал бодлогын асуудал нь шийдэгдчихэж байгаа хэрэг. Харин батлахгүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцно. Энэ тохиолдолд 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилох ёстой. Энэ хугацаанд Ерөнхий сайдыг томилохгүй бол УИХ өөрөө тарна. Энэ нь УИХ-ыг хариуцлагажуулах механизм.

Монголд Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдээ бүрдүүлж чаддаггүй. Сайдыг томилох, огцруулах, чөлөөлөх болоход заавал УИХ руу оруулж, нэг нэгээр нь хэлэлцдэг. Энэ нь Засгийн газрыг УИХ-ын гишүүдээс хэт хамааралтай, кабинетын зарчмаар ажиллах боломжгүй болгодог. Мөн гишүүний захиа даалгавар яамд дахь томилгоонд халдварлаж, төрийн албыг улстөржүүлдэг. Харин энэ удаад Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд өөрөө томилж, чөлөөлж, огцруулна гэж тусгасан. Зарим хүмүүс сайдыг хянаж чадахгүй болчихно, хамаатан саднаа аа сайдаар тавьчихна гэх мэт зүйлийг ярьдаг. Хэрвээ Ерөнхий сайд тийм хүнийг сайдаар томилбол эсхүл хариуцлага алдсан сайдаа огцруулахгүй бол танхимаараа огцроход хүрнэ. Тиймээс, тэр сайддаа хариуцлага тооцохоос өөр аргагүй болно.

-Хэт их эрх мэдэлтэй Ерөнхий сайд бий болчих вий гэх болгоомжлол байгаа. Энэ тухайд?

-Хөндлөнгийн судалгаануудаас үзэхэд дэлхийд эдийн засгийн өрсөлдөх чадвараар тэргүүлдэг эхний гучин улсын гуравны хоёр нь парламентын тогтолцоотой. Авлига хамгийн багатай, хүний эрх, эрх чөлөөг хамгийн сайн хамгаалдаг, ардчилал төлөвшсөн эхний гучин улсын гуравны хоёр нь парламентын тогтолцоотой. Герман, Япон, Эстон зэрэг улс юм. Эдгээр улс төр шиг төртэй буюу хариуцлага хүлээдэг засгийн газартай байдаг. Засгийн газрыг амархан огцруулдаггүй болгох, төсвийн талаарх УИХ-ын бүрэн эрхийг хязгаарлах, Ерөнхий сайд кабинетаа бүрэлдүүлэх өөрчлөлт нь олонхын дэмжлэг авсан Ерөнхий сайд ачаагаа өөрөө үүрсэн шиг үүрээд хариуцлагаа хүлээх боломж өгсөн. Ерөнхий сайдыг хэт хүчтэй болгоогүй, харин парламентын тогтолцоонд ямар эрх мэдэлтэй байдаг тэр хэмжээнд нь дөхүүлж байгаа юм.

Гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлж хариуцлагажуулахын зэрэгцээ түүнд тавих хяналтыг дээшлүүлэх олон өөрчлөлт төсөлд туссан. Тухайлбал, Ерөнхий сайд үнэхээр хариуцлага алдвал УИХ конструктив санал хураалтаар огцруулах нь нээлттэй. Үүнээс гадна, Цэц болон ердийн шүүхийг илүү хараат бус, мэргэжлийн, шударга болгох тал дээр зарчмын өөрчлөлт орж байгаа нь шүүхийн хяналтыг дээшлүүлнэ. Гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих маш чухал хоёр механизм төсөлд тусгагдсан. Эхнийх нь төрийн аудитыг хараат бус болгох. Өнөөдөр улсын төсвийн зарцуулалт, төр, орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт зэрэгт тавих хяналт маш муу байгаагаас шамшигдуулалт газар авсан. Төрийн аудитын байгууллагын удирдлагын томилгоо нь улс төрөөс, төсөв нь аудитын хяналтад байдаг Засгийн газар, ялангуяа Сангийн яамнаас хараат байж ирсэн. Үүнийг шийдвэрлэх зорилгоор төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагыг байгуулж, бүрэн эрх, ажиллах журмыг хуулиар тогтооно гэж төсөлд орж ирж байгаа.

Нөгөөх нь УИХ-ын хяналт шалгах түр хороог байгуулах юм. Парламентын ардчилалд парламентын олонх нь шийдвэрээ гаргаж хариуцлагаа хүлээж, цөөнх нь хяналт тавьдаг. Тэр утгаараа хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороог УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь санал тавьснаар цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулна. 19-өөс доошгүй саналаар байгуулж байгаа нь гүйцэтгэх эрх мэдэлд тавьж буй цөөнхийн хяналт юм. Түр хороо тодорхой асуудлаар шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар авах, нотлох баримт гаргуулах зэргээр бодит мэдээлэл цуглуулан түүндээ үндэслэн дүгнэлт гаргана. Түүнээс биш шүүх, прокурор, мөрдөн шалгах байгууллагын ажлыг хийхгүй. ОУПХ-ны судалгаанаас харахад яг ийм хянан шалгах түр хороо 80 гаруй улсын парламентад бий.

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьжээ гэж хэлж буй. Яг ямар зохицуулалтыг тусгав?

– Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг танаж байгаа гэхээс илүү тодруулж буй. Өөрөөр хэлбэл, 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлал дахь байранд нь Ерөнхийлөгчийг аваачихыг зорьж байгаа. Ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой. Ийм хэмжээнд төлөвшсөн буюу 55 нас хүрсэн хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж, зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэж тусгаж байгаа. Дахин сонгогдоно, тиймийн тулд иргэдэд таалагдах ёстой гэсэн зүйл байхгүй болж, нийтийн ашиг сонирхлын төлөө л ажиллана гэсэн үг. Мөн өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчид Үндсэн хуульд заагаагүй маш олон бүрэн эрхийг хуулиар нэмээд өгчихсөн. Шүүгчдийг шилж олдог ШЕЗ-ийн дарга, гишүүдийг томилох, Шүүхийн ёс зүйн хорооны дарга, гишүүнийг томилох, АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх гэх мэт маш олон бүрэн эрхтэй болчихсон нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг ноцтой алдагдуулах болсон. Тиймээс одоогийн энэ өөрчлөлтөд Үндсэн хуульд заасан үндсэн бүрэн эрхийнх нь хүрээнд Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрх хуулиар олгож болно гэж байгаа юм.

-Шүүхийн хараат бус байдлыг хангах нь өнөөдөр ус агаар мэт чухал байгаа. Үндсэн хуулиар дорвитой өөрчлөлт оруулсан уу?

-Шүүхийн хараат бус, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх чиглэлд зарчмын өөрчлөлтийг төсөлд оруулжээ. Шүүгчийн томилгоонд улс төрийн нөлөө ордог гэх шүүмжлэл гарч ирсэн. Өнгөрсөн 27 жилд үе үеийн Ерөнхийлөгчид Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шилж олоод нэр дэвшүүлсэн хуульчийг ямар ч үндэслэл хэлэлгүйгээр шүүгчээр томилохоос татгалзаж байсан. Үүнд улс төрийн шалтгаан байсан гэж харддаг. Мөн урвуулан ашигласан тохиолдол ч гарсан. 2013, 2015 онуудад шүүхийг шинээр зохион байгуулах үед шүүхийн нэр, бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүхийн бүх шүүгчдийг чөлөөлж томилох саналыг ШЕЗ гаргасан. Бүгдийг нь чөлөөлсний дараа буцаагаад томилох ёстой байсан ч нийт 13 шүүгчийг томилоогүй орхичихсон нь шүүгчийн хараат бус байдалд халдсан явдал болсон. Эдгээр шүүгчид янз бүрийн алдаа дутагдал гаргасан тул томилоогүй гэх тайлбарыг хожим хийсэн нь үндэслэл муутай. Үнэхээр ёс зүйн зөрчил гаргасан бол Шүүхийн ёс зүйн хороонд, авлигын асуудал байсан бол АТГ-т тус тус шилжүүлэн шалгуулах ёстой байсан. Тиймээс, шүүгчид тавих шалгуурыг өндөрсгөх, томилгооны журмыг тодруулах нь зөв гэж үзсэн. Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн хүнийг томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, 40 хүрсэн иргэнийг томилно гэж байгаа. Энэ шалгуурыг хангасан нэр дэвшигчийг шүүгчээр томилох шийдвэрийг ШЕЗ гаргана. Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш хорин нэг хоногийн дотор батламжлах ёстой. Үнэхээр Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзаж болно. Гэхдээ заавал үндэслэлээ нийтэд тайлбарлах ёстой. Харин хамгийн маргаантай хэргийг хяналтын журмаар шийдэж эцэслэдэг, хуулийг тайлбарлан хөгжүүлэх гол чиг үүргийг хэрэгжүүлдэг гэдэг утгаар нь Улсын дээд шүүхийн шүүгчийг арван хоёр жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилох, ингэхдээ ШЕЗ томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

-Шүүхийн ерөнхий зөвлөлтэй холбоотой ямар өөрчлөлт орж байгаа вэ?

-Үндсэн хуулиар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилгоор шүүгчдийг хуульчдаас шилж олох зэрэг ажлыг эрхэлдэг Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулсан. Гэвч, энэ чухал байгууллагын бүрэлдэхүүн, томилох журмыг Үндсэн хуульд заагаагүйгээс УИХ дахь олонхын үзэмжид хаягдсан. Өнгөрсөн хугацаанд ШЕЗ-ийн бүрэлдэхүүн дөрвөн удаа өөрчлөгдсөн. ШЕЗ-ийн олонхыг шүүгчдээс бүрдүүлж даргаа дотроосоо сонгохоор анх байгуулсан боловч 1996 онд Хууль зүйн сайд даргаар нь ажиллахаар болсон. Шүүхийн төсөв бодлогын асуудлыг шийдвэрлүүлэхэд дэмтэй байсан ч гүйцэтгэх эрх мэдэл, улс төрийн албан тушаалтны зүгээс шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэл үүсгэсэн. 2002 оноос ШЕЗ-ийн даргыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч хавсран хийх болсон нь хэргийг хяналтын журмаар шийдвэрлэх эрх мэдэл болон шүүхийн захиргааны эрх мэдэл нэг гарт төвлөрч доод шатны шүүх рүү нөлөөлөх, шүүхийн дотоод хараат бус байдал алдагдах нөхцөл үүссэн. Үүнийг 2012 онд засч ШЕЗ-ийг Засгийн газар, Улсын дээд шүүхээс бие даалган байгуулсан нь дэвшилттэй болсон ч Ерөнхийлөгчийн зүй бус нөлөөлөл орох эрсдэлийг үүсгэсэн. ШЕЗ-ийн гишүүдийг гурван шатны шүүхийн шүүгч тус бүр нэг, Хуульчдын холбоо нэг, Хууль зүйн яам нэгийг тус тус нэр дэвшүүлдэг ч бүгдийг нь Ерөнхийлөгч томилдог болсон. ШЕЗ-ийн гишүүд дотроосоо даргыг нь нэр дэвшүүлдэг ч мөн л Ерөнхийлөгч томилдог болчихсон. ШЕЗ тавхан гишүүнтэй болсноор хоёр, гуравхан хүн шүүхтэй холбоотой чухал шийдвэрийг хаалттай хүрээнд гаргахад хүрсэн. Эндээс харвал ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг байн байн өөрчилж залгамж чанар, тогтвортой байдлыг нь алдагдуулж байсан төдийгүй янз бүрийн байдлаар аль нэг талаас зүй бусаар нөлөөлөх боломжтой байдлаар хуулиар өөрчилж урвуулан ашиглах эрсдэлийг үүсгэж ирсэн. Бусад улсуудад шүүхийн зөвлөлийн бүрэлдэхүүнээ Үндсэн хуульдаа тусгаж царцаадаг.

Тиймээс, Шүүхийн ерөнхий зөвлөлийг яаж бүрдүүлэх талаар Үндсэн хуульд оруулахаар төсөлд заасан. ШЕЗ нь арван гишүүнтэй байна. Гишүүд дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллана. Арван гишүүний тав нь шүүгч байхаар төсөлд тусгасан. Энэ нь ШЕЗ дэх улс төрийн зүй бус нөлөөллийг сааруулж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын нэг баталгаа. Шүүгч таван гишүүний нэгийг нь хяналтын шатны шүүхийн, нэгийг нь давж заалдах шатны шүүхийн, гурвыг нь анхан шатны шүүхийн шүүгчид өөрсдөө дотроосоо сонгоно. Үлдсэн таван гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан хүмүүс буюу шүүгч биш байна. Мэргэжлийн өөр ажил эрхэлдэг гишүүдийг оруулж буй нь шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх, тал талын төлөөллийг хангах зорилготой. Ард түмнээс сонгогдсон төлөөллийн байгууллага болох хувьдаа УИХ шүүгч биш таван гишүүнийг томилно. Ингэхдээ хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилохоор заасан нь УИХ дахь олонх дангаараа түрий барьж томилох бус харин цөөнхтэй зөвшилцөж хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг гаргах шалгарсан механизм юм. УИХ санал хураахаасаа өмнө эдгээр таван нэр дэвшигч дээр томилгооны сонсгол заавал хийх учраас үнэхээр хууль зүйн өндөр мэргэшилтэй, хараат бусаар ажиллах хүн мөн эсэхийг маш сайн хэлэлцсэний эцэст шийдвэрлэнэ гэсэн үг. ШЕЗ-ийн даргыг гишүүд дотроосоо сонгохоор заасан нь мөн л бие даасан байлгахад зориулагдсан.

-Шүүгчийн хариуцлагын зөвлөлийг байгуулахаар хуульд тусгажээ. Ямар ач холбогдолтой зохицуулалт вэ?

-Ер нь олон улсын туршлагаар шүүгчийг шилж олох, томилох, сахилгын шийтгэл ногдуулах, төсөв, бодлого, менежмэнтийн ажлыг нэг субьектэд төвлөрүүлж болдоггүй. Хэн хэрэгжүүлж байгаагаасаа үл хамаараад энэ их эрх мэдлийг урвуулан ашигладаг. Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах бус харин халддаг. Тиймээс шүүхийн захиргааны эдгээр чиг үүргийг өөр, өөр субьектэд хуваарилах нь зөв гэж зөвлөдөг. Гэтэл 27 жилд Монгол Улсад Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг шилж олох, шүүхийн төсөв, бодлого, менежмэнтийг бүрэн мэдэхээс гадна шүүгчийн сахилга, хариуцлагын асуудал руу ордог маш өргөн эрх мэдлийг төвлөрүүлж авсан. Жишээлбэл, ШЕЗ шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг, шүүгч хавсарч үл болох ажлыг эрхэлсэн эсэх, нэг жилийн дотор сахилгын зөрчил дахин үйлдсэн эсэх зэргийг шийддэг.

Мөн шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэх тогтолцоо өнгөрсөн хугацаанд гурван удаа өөрчлөгдөөд байна. 1993-2002 онд Шүүгчийн сахилгын хороод шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэдэг байсан. Эдгээр хороод нь дан шүүгчдээс бүрдсэн байсан учраас шүүгчдээ хаацайлж хэт өмгөөлдөг, хариуцлага тооцож чадахгүй болсон гэж шүүмжлэгдсэн. 2002 онд Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн олонхыг шүүгч биш хөндлөнгийн хүмүүсээр бүрдүүлсэн. Ингэснээрээ хариуцлага тооцох нь ихэссэн ч уг хорооны шийдвэр шүүхийн хяналтаас гадуур байсан тул шүүгчийн хараат бус байдлыг эрсдэлд оруулсан. 2012 оноос Шүүхийн ёс зүйн хороо гэж нэрийг нь өөрчлөн шинээр байгуулсан. Ингэхдээ Хууль зүйн яам, гурван шатны шүүхийн шүүгчдээс, Хуульчдын холбооноос тус бүр гурван хүнийг нэр дэвшүүлж Ерөнхийлөгч томилдог болов. Тус хорооны гишүүдийн саналаар даргыг нь мөн л Ерөнхийлөгч томилдог. Одоогийн энэ тогтолцоог өөрчлөх хэд хэдэн хуулийн төсөл боловсруулагдсан байна. Эндээс харахад шүүгчийн хариуцлагын тогтолцоог байн байн өөрчилдөг, залгамж чанарыг нь алдагдуулдаг байдал үүссэн. Ингэхдээ шүүгчийн хариуцлагыг сулруулж, эсхүл шүүгчийн хараат бус байдлыг хэврэгшүүлж байжээ.

-Тиймдээ ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Шүүгчийн хариуцлагын зөвлөлийг онцгойлон хөндсөн хэрэг үү?

-Яг тийм. ШЕЗ-д төвлөрсөн эрх мэдлээс шүүгчийн сахилгатай холбоотой хэсгийг нь салгаж өөр бие даасан байгууллагад хариуцуулахын зэрэгцээ Үндсэн хуульд зааж тогтворжуулна, шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлнэ. Шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ногдуулах, чөлөөлөх шийдвэр гаргах Шүүгчийн хариуцлагын зөвлөлтэй болъё гэдэг санаа орсон. Тэдгээрийн гурав нь шүүн таслах ажлын туршлагатай хуульч, гурав нь хууль зүйн эрдэмтэн, гурав нь иргэдийн төлөөлөл байна. Ийм тал талын төлөөллийг хангасан, хөндлөнгийн бүрэлдэхүүн нь ноцтой сахилгын зөрчил гаргасан шүүгчийг зүгээр өнгөрөөж нийт шүүгчдийн нэр хүндийг унахаас сэргийлнэ. Иргэдийн амьдралын хамгийн чухал асуудлын хувь заяаг шийддэг шүүгч ийм эрх мэдлийг хэрэгжүүлэх итгэлийг дааж байна уу гэдгийг нь хөндлөнгөөс харж, шаардлагатай бол зохих шийтгэл ногдуулна гэсэн үг. Гэхдээ Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн шийдвэрийг хууль зүйн талаасаа ноцтой алдаатай гарсан гэж үзвэл Улсын дээд шүүхэд гомдол гаргах нь нээлттэй. Энэ эрх мэдлийг урвуулан ашиглаж шүүгчийн хараат бус байдалд халдахаас сэргийлэхийн тулд шүүгчид хариуцлага тооцсон шийдвэр шүүхээр хянагдах боломжтой байх ёстой. Харин Зөвлөлийн гишүүд нь зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Энэ нь уг зөвлөлийн хараат бус, бие даасан байдлыг хангахад чиглэсэн.

-Үндсэн хуулийн Цэцийг улс төрөөс хараат бус байх зохицуулалтыг тусгаж чадсан уу?

-Өнөөдрийн байдлаар Цэцэд нийт 36 хүн томилогдсон. Эдгээрийн зарим нь хууль зүйн дээд боловсролгүй, харин улстөрч байсан хүмүүс. Дийлэнх олонх нь хууль зүйн дээд боловсролтой ч улс төрийн карьер хөөж, мэргэжлийн ажлаа огт хийж байгаагүй, хөндийрсөн хүмүүс. Улс төрийн нөлөөгүй хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс нь Цэцэд олонх болж орж чаддаггүйгээс Цэцийн шийдвэрийн үндэслэл, чанар муу гарах, Үндсэн хуулийг ташаа тайлбарлах явдал гардаг. Үүнийг шийдэхийн тулд Цэцийн гишүүнээр хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арван таваас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн иргэнийг томилно гэж оруулж өгсөн. Мөн Цэцийн гишүүнийг томилохдоо томилгооны сонсгол заавал хийхээр болж байгаа. Ингэснээр Үндсэн хуулийг манах ажил хийх хэмжээний мэдлэг, ур чадвар, ёс зүй, зан төлөв тухайн нэр дэвшигчид байна уу, үгүй юу гэдгийг ил тодоор хангалттай хэлэлцэж, УИХ-ын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэдэг болно. Цэцийн гишүүдийн дийлэнх нь мэргэжлийн шаардлага хангаж чадахгүй байгаагаас гадна хараат бус байдал нь учир дутагдалтай байгаа юм. Учир нь, Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил бөгөөд дахин томилогдохыг зөвшөөрдөг. Тиймдээ ч Цэцийн гишүүн өөрийг нь нэр дэвшүүлсэн, томилсон этгээдүүдэд тал засаж ажиллах замаар дахин томилогддог байдал үүссэн гэх үндэслэл бий. Цэцийн олон гишүүн 2-4 удаа томилогдож байсан нь эргэлзээ төрүүлдэг. Төслөөр Цэцийн гишүүнийг есөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилох, дахин томилогдохыг нь хориглож байгаа. Ингэснээр улстөрчид Цэцийг чих зөөлөнтэй хүнээр дүүргэдэг байдал хязгаарлагдана, Цэц хараат бусаар ажиллах нөхцөл дээшилнэ. Испани, Итали, Франц, Герман зэрэг Үндсэн хуулийн шүүхтэй улсад зөвхөн мэргэжлийн хүмүүсийг ийм урт хугацаагаар нэг л удаа томилдог.

-Та судлаач хүний хувьд төслийг ерөнхийд нь хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Өнөөгийн нөхцөлд сайн төсөл өргөн баригдсан гэж дүгнэж байгаа. Ялангуяа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хувьд тун давгүй. Хуримтлагдсан асуудлыг шийдэх хэмжээний дорвитой өөрчлөлт болно. Нутгийн удирдлагыг боловсронгуй болгохтой холбоотой Үндсэн хуулийн гурван зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөлд оржээ. Энэ хүрээнд тулгамдсан асуудал бий ч яаж шийдвэрлэх үү гэдэг дээр зарим маргаан бий. Ийм маргаантай асуудлыг УИХ тал талын үндэслэлийг нь сонсоод шийдэх байх.

-Нэг намын ашиг сонирхлоор боловсруулагдсан төсөл гэж хардах хүмүүс байх шиг. Та үүнд юу хэлэх вэ?

-Төслийн үзэл баримтлалын гол агуулга зөвхөн энэ УИХ-ын байгуулсан ажлын хэсэг дээр тодроод гараад ирээгүй. Олон жил яригдсан зүйл учраас зөвхөн нэг намын ашиг сонирхлоор боловсруулагдсан гэж бодохгүй байна. Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон нэмэлт, өөрчлөлтийг 20 жил шүүмжилж засах талаар ярьсан шүү дээ. Эдгээр нэмэлт, өөрчлөлтийн зургааг нь сэргээж засаж сайжруулахаар байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал сүүлийн гурван УИХ-ын бүрэлдэхүүн дамжин яригдсан. Тухайлбал, 2011, 2012, 2015 онд нэр бүхий гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж байсан. Эдгээр төслүүдийн eрөнхий агуулга сая өргөн барьсан төсөлд туссан. Тухайлбал, 2015 онд УИХ-ын гишүүн Н.Батбаярын ахалсан Ажлын хэсгийн өргөн мэдүүлсэн төслийн бараг 20 шахам заалтын үзэл санаа одоогийн төсөлд агуулгаараа оржээ. Засгийн газрыг тогтвортой, үр нөлөөтэй болгохын тулд конструктив саналаар Засгийн газрыг огцруулах эсэхийг шийддэг болох, Ерөнхий сайд кабинетаа өөрөө бүрдүүлэх, давхар дээлийг хязгаарлах гэх мэт нь 2015 оны тэр төсөлд байсан. Одоогийн төсөлд илүү сайн томьёологдож оржээ. Өмнөх төслүүдээс зарчмын нэг ялгаатай зүйл нь энэ удаагийн төслийг боловсруулахад иргэдийн оролцоог маш сайн хангасан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх иргэдийн санаа бодлыг тандах үүднээс 2017 оны дөрөвдүгээр сард зөвлөлдөх санал асуулга хийсэн. Зөвлөлдөх санал асуулгын дүнд боловсруулсан төслийг мөн оны 7-8 сард олон нийтээр хэлэлцүүлэхэд 327 мянган иргэнээс санал ирүүлсэн байдаг. Түүнчлэн УИХ-ын Тамгын газар, МУИС-ийн Хууль зүйн сургууль зэрэг байгууллагаас тухайлан төслийн үзэл баримтлалын хүрээнд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, зөвлөмж гаргасан. ХЭҮК, ШЕЗ, Хуульчдын холбоо зэрэг 20 гаруй байгууллагаас тодорхой саналуудыг, 10 орчим академич, эрдэмтдээс экспертийн дүгнэлтийг ирүүлжээ. Мөн Үндсэн хуулийн чиглэлийн эрдэмтэн судлаачдын дэд ажлын хэсгийг байгуулж жил гаруй ажиллуулж төсөл гаргахад туслуулсан. Энэ дэд ажлын хэсэгт орж ажилласны хувьд эдгээр санал, зөвлөмж, дүгнэлтийг нэг бүрчлэн судалсны үндсэн дээр одоогийн төсөл боловсруулагдаж гарч ирсэн гэдгийг хэлье.

-Төслийг үүнээс дордуулчихгүй гэх баталгаа байгаа юу?

-Олон нийтийн санаа бодлыг харгалзаж, мэргэжлийн үүднээс судалж, шүүн тунгаан томьёолсон төслийг хэлэлцэхдээ муутгах заалт шургуулчих улстөрч гарч ирнэ шүү гэж сэрэмжлэх хүн байна. Бидний хэн нь ч ийм эрсдэлээс ангид байж үл чадна. Гэхдээ, төслийг дордуулахаас сэргийлэхэд тустай зарим зохицуулалт бий. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль байдаг. Сая энэ хуульд өөрчлөлт оруулаагүй. Харин уг хуулийг тодотгосон өөрчлөлтийг УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд оруулсан. Жишээлбэл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөндөгдсөн 20 зүйлээс гадуур өөр зүйл, заалтад гишүүдийн саналаар гар хүрч болохгүй. Энэ 20 зүйл дотроо л хэлэлцэнэ гэсэн үг. Өөр төсөл давхардуулан хэлэлцэхгүй. Дээрээс нь төслийг гурван удаагийн хэлэлцүүлгээр хэлэлцэж шийдвэрлэнэ. Хэлэлцүүлэг хооронд арваад өдөр завсарлах хуультай тул зарчмын зөрүүтэй санал гарч ирлээ гэхэд түүнийг судлах, сайн муу талыг нь хэлэлцэх хугацаа гарна. УИХ зүйл бүр дээр нь хэлэлцэж, эхний хэлэлцүүлэг дээр нийт гишүүнийхээ гуравны хоёрын саналаар, хоёр болон гуравдугаар хэлэлцүүлгүүд дээр дөрөвний гурваас буюу 57-гоос доошгүй гишүүний санал нэгдэж байж нэмэлт, өөрчлөлт батлагдах учиртай. Мөн 2020 оны сонгуульд аль нам ялахыг бид мэдэхгүй. Одоогийн эрх баригчид сонгуульд олонх болох эсэх ч тодорхойгүй. Тиймээс Үндсэн хуульдаа аль нэг улс төрийн намын сонирхлын үүднээс бус харин шударга гэж хүлээн зөвшөөрөгдөх өөрчлөлт хийхгүй бол болохгүй. Ямартаа ч дагнасан мэргэшсэн судлаачид Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг бүрийг анхааралтай ажиглана. Төслийн зөв зүйтэй заалтыг орвонгоор нь өөрчлөөд үнэхээр алдаа гарахад хүрвэл шүүмжилж ярих л болно. Гэхдээ УИХ-ын гишүүд улс эх орныхоо амин чухал асуудалд намын болон хувийн явцуу сонирхлоор хандахгүй байх гэж итгэнэ. Гэхдээ, итгэл бол хангалтгүй, сонор сэрэмж түүнээс дутуугүй чухал. Үйлдлээр л эцсийн дүндээ хэмжигдэнэ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​О.Алтангэрэл: Нутгийн удирдлагын тогтолцоог энэ чигээр нь баталбал засаглалын хямралд орно

Хуульч О.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаа юу?

-Өмнө нь Засгийн газраас байгуулагдаж байсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт миний бие байсан юм. Үндсэн хууль суурь хууль учраас хуульчид судалж, дуу хоолойгоо хүргэж байх хэрэгтэй л дээ. Энэ хуулийн төслийг боловсруулахдаа иргэдээс орон даяар санал авсан гэж хэлж байгаа. Яг үнэндээ иргэдээс санал авсан зүйл байхгүй. Жишээ нь, Өвөрхангай аймгийн Сант сумын Дашдаваа гэж хуульч над дээр ирж уулзсан юм. Тэрээр “Би Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр санаа, оноогоо хэлчихмээр байх юм. Манай сум дээр санал авна гэж оромдсон юм болсон. Бид нар үзүүлж харуулж, санаа оноог тусгасан ч юм алга. Ард түмнээс санал авсан гэдэг нь худлаа шүү” гэж хэлж байсан л даа. Дараа нь би Өвөрхангай аймгийн зарим сум руу холбогдоод асуухад “Бүсчилсэн байдлаар төрийн албан хаагчид л цугларсан” гэдэг зүйлийг хэлж байсан. Мэдээж Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно. Одоогийн өргөн барьсан зүйл дээр дэвшилттэй, оруулахаар дэмжихээр зүйлүүд байна.

-Та нутгийн удирдлагын тогтолцоонд орж буй өөрчлөлтийг шүүмжилсэн байсан. Энэ тухайгаа тодруулаач?

-Гэхдээ миний хувьд орон нутгийн удирдлагатай холбоотой өөрчлөлтийг дэмжихгүй байгаа. Нутгийн өөрөө удирдах ёс, төрийн захиргааны хосолмол зарчим гэж байдаг. Аймаг, сум, дүүргийн иргэдийн хурал энэ хосолмол зарчмын дагуу байдаг. Нэг талаасаа нийтийн удирдлага буюу төрийн захиргаа нь явдаг. Нөгөө талаасаа иргэд өөрсдөө өөрийнхөө нутгийг удирдах зарчмын үндсэн дээр байдаг гэсэн үг. Харин энэхүү зарчмыг бүхэлд нь устгаж байгаа юм билээ.

-Нутгийн удирдлагын тогтолцоог ийн боловсронгуй болгож байгаа нь орон нутагт улстөржилтийг багасгах давуу талтай гэдгийг онцолж байсан л даа. Ийм үр дүн авчирч чадах уу?

-Сум орон нутагт улстөржилтийг зогсооно гэж ярьж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яг энэ чигээрээ батлагдах юм бол орон нутаг, улс орон дээд зэргийн засаглалын хямралд орно. Маш аюултай хямралд орохоор байна.

-Яагаад хямралд орно гэж?

-Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаатайгаар сонгоно гэж байгаа. Мөн ИХТ-ийг сонгохын тулд сонгууль явуулна гэж байна. Ийнхүү иргэдээс сонгогддог болчихвол улстөржилт алга болно гээд байгаа юм. Энэ худлаа, заавал улстөржинө. Өнөөдөр орон нутагт хоёр нам л байгаа. ИТХ-д өөр нэг намын төлөөлөгчид олонх боллоо гэж үзэхэд төрийн ажил гацна. Өнөөдөр тэнцвэртэйгээр хоёр нам гарчихсан дүүрэг, аймаг хямарсан тохиолдол манайд олон бий. Нэг нь Засаг дарга, нөгөөх нь Иргэдийн хурлын даргаа хийчихдэг. Хоорондоо зөрчилдөөд ажил нь явдаггүй байдал олонтаа. Уг өөрчлөлт орсноор ийм байдалтай шууд нүүр тулна. Хоёрдугаарт, сумын Засаг дарга гэдэг хүн орон нутагтай нийгмийн хариуцлагын болон бусад уул уурхайг эрхлэх гэрээ байгуулна гэж байгаа юм. Тэр тохиолдолд уул уурхайн компаниуд сумын удирдлагыг өөрийн хүссэн хүнээрээ тавих бүрэн боломжтой болж байгаа. Үндсэндээ 2000 гаруй хүнтэй, 800-гаад сонгогчтой газар бол хэдэн тэрбумын хөрөнгө эргэлдүүлж байгаа уул уурхайн компаниуд сумын Засаг даргыг томилдог болно. Энэ бол жишиг. Хэн мөнгө тараана, тэр л сумын Засаг дарга болдог болчихсон. Алслагдсан аймаг, сумдад хамаатан ихтэй хүмүүс л багийн дарга болж байгаа тохиолдол их ажиглагддаг. Албан тоотоо төлөвлөж, баг дээр очиж буй төрийн үйлчилгээг үзүүлж чадахгүй хүмүүс тэнд байна. Зарим газар хамаатан садан олонтой хоёр хүн “Энэ удаад би, дараа жил танайхнаас” гэх мэтээр тохироод, нэгэндээ нийлж саналаа өгдөг гэж байгаа юм. Энэ байдалд сонгууль явуулаад эхлэх юм бол уул уурхайн компаниас бүрэн хараат болно.

Нөгөө талаар энэ байдал уул уурхай болон эдийн засагт хүндээр тусна. Учир нь сонгогчдын саналыг авахын тулд тэдэнд таалагдах гэж улсын төсөвт хөрөнгө оруулдаг, их хэмжээний эрсдэл гаргаад хийчихсэн уул уурхайн томоохон төслүүдийг явуулахгүй. Уул уурхайн томоохон төслүүд тэр чигтээ зогсоно. Уул уурхай эхлээгүй байгаа газруудад Монгол Улс хэзээ ч дахиад төсөл хэрэгжүүлж чадахгүй. Өнөөдөр бүгд уул уурхайн эсрэг бодолтой байдаг учраас тэр. Угтаа бол биднийг тэжээж байгаа зүйл нь уул уурхай шүү дээ. Эдийн засаг талдаа ийм эрсдэлтэй байна.

-Сум, дүүргийн Засаг даргыг огцруулбал аймаг, нийслэлийн Засаг дарга дараагийн хүнийг томилохоор заалт орсон. Энэ зөв үү?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт доторх нэг ноцтой заалт нь тэр юм. Хэрвээ Засаг дарга огцорвол бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах хүнийг дээд шатны Засаг дарга томилно гэж байгаа. Дээр МАН-ын удирдлагатай дор АН-ын хүн гараад ирвэл түүнийг огцруулаад өөрийнхөө хүнийг иргэдийн сонголтгүйгээр шууд томилчихно гэсэн үг. Гурван сарын дараа огцорлоо гэхэд үлдсэн гурван жил есөн сарын хугацаанд дуртай хүнээ тавьж ажиллуулна гэсэн үг. Нутгийн удирдлага бүр байхгүй болно. Сайн, муу хэлсэн ч өнөөдөр дээр нь нам байгаа учраас нутгийн удирдлага дээр хяналт тавьж өөрсдийнхөө бодлогыг хэрэгжүүлдэг. Иргэдийн хурал нь олонх болоод тэр дундаасаа чадна гэсэн хүнээ Засаг дарга болгож ажиллуулдаг. Төсвөөс эхлээд олон асуудал батлуулдаг учраас ИТХ-тайгаа хамтын ажиллагаатай байдаг. Энэ зарчмыг эвдэх юм бол төр Засаг дарга хэнд ч захирагдахгүй. Ийм л байдалтай болж байна.

Сонгуулийн тухай хуулиар улсаараа нэг тойрог болгоно гэж ярьж байна. Хэрэв улсаараа нэг тойрог болвол хүмүүс бүх ард түмнээс сонгогдоно. Рейтинг өндөртэй байгаа улстөрч Ерөнхийлөгчөөс илүү санал авч гарч ирнэ. Бид 76 Ерөнхийлөгчтэй болно. Бүгд “Би бүх ард түмнээс сонгогдсон” гэнэ. Үүнтэй адилаар Иргэдийн хурлыг иргэдээс сонгогдсон Засаг дарга нь огтхон ч тоохгүй. Гэсэн хэрнээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд улс төрийн нам бол бүх засаг, захиргааны нэгжид бүтэцтэй байна гээд заагаад өгчихсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, үндэсний хэмжээний намыг л хүлээн зөвшөөрч байгаа. Энэ тохиолдолд хүссэн хүсээгүй хоёр нам байгаа, цаашид ч байна. Бүр Үндсэн хуулиар дархалчихаж байгаа юм. Өөр намын орон орон зайг шууд хумьж байна. Ингэж хумихын сацуу орон нутгийн эрх мэдлийг нэмээд өгчихөөр төрийн ажил үндсэндээ гацна. Яахав баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга томилдог болохыг бол дэмжиж байгаа. Харин сум, дүүргийн Засаг даргыг томилох эсэх дээр өнөөгийн тогтолцоог нь хадгалж үлдэх нь зүйтэй. Нутгийн удирдлагын энэ зарчим бол маш мундаг зохицуулалт юм. Үндсэн хуулийн эх баригч гэгддэг байсан Б.Чимид гуай өөрөө багийн дарга байсан хүн шүү дээ. Хөдөө орон нутагт амьдрал ямар байдаг, хэрхэн өрнөдөг гэдгийг тэрээр маш сайн мэддэг байсан. Тиймдээ ч хуульд орж буй дэвшилттэй өөрчлөлтүүдээ энэ мэт зүйл нь татаж унагах вий гэж бодож байна.

-Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл хууль зүйн шаардлага хангаагүй гэж мэдэгджээ. Энэ тухайд?

-“Утга агуулгын асар зөрүүтэй хоёр төсөл ирүүлсэн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг албан ёсоор өнөөдрийг хүртэл ирүүлээгүй” гэж мэдэгдсэн байна. Ерөнхийлөгчийн институц бол Монгол Улсын Үндсэн хуулиар хуульчлагдсан хууль санаачлах, хуульд санал өгөх эрхтэй субьект юм. Энэ журмыг зөрчлөө гэж үзэж байгаа зүйлийг хүчээр хэлэлцээд, өөрчлөх нь зохимжгүй. Орон нутгийн амьдралд дордуулсан долоон өөрчлөлт байтугай л хор уршиг тарина.

Categories
мэдээ цаг-үе

С.Бямбацогт: Нэг тойргоор сонгууль явуулбал сонгогч саналаа зөвхөн нэг нэр дэвшигчид л өгнө

– ГЭ МТ ХЭРЭГ, ЗӨРЧЛ ӨӨС УРЬДЧИ ЛАН СЭРГИЙЛ ЭХ АЖИЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦС ОН ИРГЭДИЙГ УРАМШУ УЛНА-

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.


-Монгол Улс нэг тойргоор сонгууль явуулах нь зүйтэй гэж үзжээ. Энэ нь яг ямар улсуудад хэрэглэгддэг хувилбар вэ. Ядуу буурай цөөн тооны орнууд л энэ жишгээр сонгууль явуулдаг гэх юм. Энэ үнэн үү?

-Улс орныхоо нийтлэг том эрх ашгийг бодсондоо л манайхан бүлэг дээрээ ярьж байгаад ийм шийдэлд хүрсэн хэрэг. Яаж ч бодсон эрх ашгийн эрэмбийн нэгдүгээрт улс орон, ард түмэн байх учиртай. Энэ улс орон чинь цаашаа хөгжих ёстой юм байгаа биз дээ. Сонгуулийн тогтолцоо бүхэнд өөрийн давуу болон сул тал бий. Аль алийг нь бид хэрэглэж алдаж онож ирсэн. Өнөөдөр нийгэмд жалга довны улстөржилт газар авч байна гэх шүүмжлэл байдаг. Улс орон олсон жаахан мөнгөө 76 тойрогт хуваан тарамдуулснаас болж хөгжлийн том бодлого хэрэгжихгүй байна. Тойрог жижгэрч, тойрог олон байх тусам том бодлого явдаггүй, оронд нь жалга довны үзэл газар авч байгааг та бид харж байна. Үүнээс гарах зөв гарц нь улсаараа нэг тойрог болох шийдэл байж болох юм гэж үзсэн хэрэг л дээ. Гэхдээ асуудлыг зөвхөн нэг өнцгөөс нь харж дүгнэж болохгүй. Мэдээж тал бүрээс нь харж, нягталж, давуу болон сул талуудыг нь нарийн дэнсэлж байж эцсийн шийдвэр гаргаж таарна. УИХ-ын сонгууль гэдэг бөхөөр бол улсын наадам нь байхгүй юу. Тэгэхээр зүгээр нэг аймаг, дүүргийнхээ дэвжээнд барилдаад өнгөлсөн нөхөрт шууд улсын цол олгочихож болохгүй биз дээ. Улс төрийн дэвжээнд үнэн хүчээ үзье, жинхэнэ лидер гэдгээ харуулъя гэж байгаа бол улсаараа нэг тойрог болж байгаад өрсөлдөх нь шударга үнэнд илүү нийцнэ. УИХ-ын гишүүдийн нийт ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх байдал ч дээрдэнэ. Энэ нь эргээд төрийн эрх барих дээд байгууллага болсон УИХ, монгол төрийн нэр хүнд өсөхөд ч эерэг нөлөөтэй.

-Тэгвэл нэг тойрогтойгоор сонгууль явуулахын давуу тал нь юу вэ?

-Сонгуулийг нэг тойрогтойгоор явуулахад хэд хэдэн давуу тал байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэж заасан. Бас “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гээд хуульчилсан. Гэтэл амьдрал дээр гишүүд өөрсдийгөө зөвхөн сонгогдсон тойргийнхоо сонгогчдын төлөөлөгч мэтээр ойлгож, тойргийнхоо эрх ашгийг улсын эрх ашгаас дээгүүр тавих явдал цөөнгүй гардаг нь нууц биш. Үүнээс болж цаана нь нийт иргэн, улсын ашиг сонирхол хоёр, гурав дахь асуудал болж орхигдох тал ч байна. Айлаар бодоход олсон хэдэн төгрөгөө орон гэрээ томсгох, унаа тэргээ сайжруулахад зарцуулахын оронд өнөө маргаашийг аргацаасан ойр зуурын зүйлд үрээд байвал тэр айл өөдлөх үү. Өнөөдөр Улаанбаатарт зарим сургууль гурван ээлжээр хичээллэж байхад хөдөөгийн зарим сумдад анги дүүргэх хүүхэдгүй хэрнээ сургуулийн шинэ барилга, засвар үйлчилгээ, урсгал зардалд төсвийн хөрөнгө төлөвлөлтгүй, үр ашиггүй урссаар л байгаа. Төсөв 76 тойрогт хуваарилагдан тарамдсанаас болж төмөр зам, цахилгаан станц, зэс, ган хайлуулах үйлдвэрээ мөнгөгүй гэдэг шалтгаанаар барьж чадахгүй өдийг хүрсэн нь үнэн. Нөгөө талдаа иргэдэд сонголтоо хийх сонголт үнэндээ хомс байна. Дэмждэг улстөрч нь өөр тойрогт нэр дэвшиж байгаа учраас түүнд саналаа өгч сонгох боломж гардаггүй. Бас дэмждэггүй улстөрч нь мөн л өөрийнх нь биш өөр тойргоос сонгогдож гарч ирээд хууль тогтоогоод яваад олон иргэн бухимдалтай байдаг.

-Сул тал нь юу байх вэ?

-Сул тал бий. Юуг нь нуух билээ. Сонгуулийг томсгосон тойргоор явуулбал жинхэнэ лидерүүд гарч ирнэ. Бас сайны хажуугаар саар гэдэг шиг популистууд гарч ирэх магадлал ч бий. Мөн үндэстний цөөнх болон алслагдсан бүсийн төлөөлөл УИХ-д гарах магадлал буурч мэдэх юм. Олны танил гэдэг утгаараа урлаг, спортынхон олноор сонгогдож ч магад. Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд ёстой ус, тосыг нь ялгаж ул суурьтай хандаж чадвал чамбай хууль гаргаж чадна.

-Хэчнээн нэр дэвшигчид дэвшинэ гэсэн үг вэ?

-Ирэх онд болох сонгуульд чухам хэчнээн хүн нэр дэвшихийг та бид таашгүй. Яахав багцаалдаж болох байх. Өмнөх сонгуулиудын жишгээс харахад ирэх УИХ-ын сонгуульд 500-700 орчим хүн л нэр дэвшиж таарах болов уу даа.

-Сонгогчид тэдгээрээс хэдийг нь сонгох вэ. Нийт нэр дэвшигчдээс хамгийн их санал авсан 76 нь УИХ-ын гишүүн болно гэсэн үг үү?

-Хэрэв улс нэг тойрог байх сонгуулийн хуулийн төсөл батлагдвал улс төрийн намууд тус бүр 76 хүн нэр дэвшүүлж таарна. Улсаараа нэг тойрог болох сонгуульд оролцохдоо сонгогч саналаа зөвхөн нэг л нэр дэвшигчид өгнө. Сонгуулийн дүн гарахад нэр дэвшигчид нь нийт сонгогчдоос хэчнээн хувийн санал авсан гэдгээр нь намууд эрэмбэлэгдэж оногдсон хувиараа УИХ-д суудал авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн намын 76 нэр дэвшигч бүгд нийлээд нийт сонгогчдын яг 50 хувийн санал авлаа гэж бодоход УИХ-ын 76 суудлын тал буюу 38-ыг нь тухайн нам авна. Энэ тохиолдолд тухайн намаас нэр дэвшсэн 76 хүнээс хамгийн их санал авсан 38 нэр дэвшигч нь л гишүүн болно гээд ойлгочихож болно.

-Тухайн нэр дэвшигчид олон нийтэд өөрийгөө хэрхэн таниулж, сурталчлах вэ. Өөрийн нутаг усандаа очих уу. Эсвэл олон нийтэд хүрсэн сурталчилгааг хүргэх шаардлагатай болж байгаа хэрэг үү?

-Өөрийгөө олон нийтэд хэрхэн таниулах вэ гэдэг бол хувь улстөрчийн л асуудал. Тухайн нэр дэвшигчийг сонгуулийн кампанит ажлаа тэгж, ингэж хий гэж үүрэгдэх юм уу, хуульчлах ямар ч боломж байхгүй, тийм шаардлага ч үгүй. Жижиг тойрог услаад явахаас илүү томсгосон нэг тойрогтоо бодлого ярих нь тухайн улстөрчид илүү ашигтай байх нь гарцаагүй. Нэр дэвшигчдээ яаж тодруулах, хэрхэн сурталчлах нь ч тухайн намын л асуудал. Уг нь сонгуулиар нэгнийгээ харлуулах, гүггэн доромжлох ажил хийхийн оронд энэ чинь бодлогын өрсөлдөөн, эрүүл мэтгэлцээний талбар гэдгийг улс төрд яваа хэн бүхэн ойлгомоор байгаа юм л даа. Даанч тэгэхийг хүсч байгаа нь дэндүү цөөхөн байна.

-Сонгуулийн тухай хуульд нэг тойрогтой байхаас гадна бүсчилсэн хэлбэрээр сонгууль явуулах хувилбар байгаа гэсэн. Энэ тухай тодруулаач?

-Магадгүй хэлэлцүүлгийн явцад бүсчилсэн хувилбар яригдаж ч мэднэ. Улсаараа нэг тойрог байх уу, аль эсвэл бүсүүдэд хувааж, тэр бүсүүд нь олон мандаттай нэг тойрог болох уу гэдгийг тал талаас нь нухацтай ярих л хэрэгтэй. Сонгуулийн аль ч тогтолцоонд өөрийн гэсэн давуу болон сул тал бий гэдгийг би дээр хэлсэн. Тэгэхээр энэ л туйлын зөв бусад нь огт буруу гэж туйлшрах биш авах гээхийн ухаанаар хандаж байж эцсийн шийдэлд хүрэх нь ононо. Түүнээс биш сэтгэлийн хөөрлөөр, хоосон хийрхэлээр дэгээд байвал “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгч л болно.

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдлаа. Энэ хууль батлагдсанаар ямар ач холбогдолтой гэж харж байгаа вэ?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль өмнө нь байсан уу гэвэл байсан. Гэхдээ 22 жилийн өмнө батлагдсан тэрхүү хууль хэт тунхагийн шинжтэй байсан. Өөрөөр хэлбэл, амьдрал дээр хэрэгжих амь сүнсгүй болчихсон. Тиймээс миний бие Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулж сая УИХ-аар батлууллаа. Гэмт хэрэгтэй тэмцэх ажлын тэн хагас нь урьдчилан сэргийлэх ажил байдаг. Өнөөдөр олон хүн эрх зүйн боловсролгүй, хуулийн мэдлэггүйгээсээ болж гэмт хэргийн золиос, хохирогч болж байна. Зарим нь өөрөө гэмт хэрэгтэн болж шоронгийн хаалга татаж байна. Гэмт хэргийн хажуугаар, зөрчлийн дэргэдүүр нүдээ анин, амаа жимийн дуугүй өнгөрдөг бэртэгчин байдал манай нийгэмд газар авсан. Үүнийг засахгүй бол сайн сайхан нийгмийг бүтээнэ гэж яриад ч хэрэггүй. Хулгай худал, хүчирхийллийг мэдсээр байж “Нүдэн балай чихэн дүлий” өнгөрдөг байдлыг засахгүйгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, илрүүлэх нэн бэрх. Тийм учраас энэ хуулийг батлан гаргаж байгаа юм. Би ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа ГХУСАЗЗ-ийг дахин сэргээн байгуулсан. Ингэснээр унтаа байдалд орчихсон байсан урьдчилан сэргийлэх ажилд ахиц дэвшил гарсан. Одоо харин Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нь батлагдлаа. Хууль батлагдсанаар урьдчилан сэргийлэх ажилд нэр төдий жаахан төсөв дусаах байдлаар ханддаг хуучин хандлага арга барил өөрчлөгдөнө. Сэргийлэх, сэрэмжлүүлэх ажилд зарцуулсан нэг төгрөг, гэмт хэрэг, зөрчлийн улмаас учирч болзошгүй хэдэн саяын хохирлоос хамгаална гэдгийг ойлгох ёстой. Дээр нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлсэн, мэдээлэл өгсөн иргэн, олон нийтийг урамшуулна. Хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага тодорхой үүрэг оролцоотой байж соён гэгээрүүлэх асуудлыг хуульчилж өгсөн гээд маш олон давуу тал бий. Урьдчилан сэргийлэх ажлыг хариуцах эзэнтэй, үр дүнг нь тооцох тогтолцоотой, гэмт хэрэгт судалгаа дүн шинжилгээ хийх бүтэц, мэдээллийн бааз суурьтай болгоход энэ хууль маш чухал үүрэгтэй.

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн хүрээнд өөр ямар зохицуулалтууд орж байгаа вэ. Хуулийн хэрэгжилтэд хэрхэн анхаарах бол?

-Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлнэ гэдэг зөвхөн хууль сахиулагчийн ажил биш. Энэ бол төрийн болон иргэн бүрийн үүрэг. Бид хууль сахиулагчдад зөвхөн гэмт хэрэг, зөрчилтэй тэмц гэж үүрэг өгөх биш тэднийг бэлтгэдэг, сургадаг, техник тоног төхөөрөмж, ажиллах баталгааг нь хангадаг, эрх зүй, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэдэг байхаар энэ хуульд заасан. Урьдчилан сэргийлэх ажилд Монголын төр, төрийн бүхий л байгууллага, албан хаагчид, иргэд, олон нийтийн оролцоог хангахаар тусгасан. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг илүү үр дүнтэй байлгах чиглэлээр иргэдийн саналыг авах, тодорхой санаачилгыг дэмжих, тэдний хяналтыг тогтоох замаар энэ хуулийг хэрэгжүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд төр иргэнийхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжоор хангах ёстой гэж заасан байдаг. Төр энэ үүргээ бүрэн дүүрэн биелүүлэхэд энэ хууль түлхэц болох учиртай. Гэмт хэрэг гарсны дараа гэмт хэргийг илрүүлж, гэмт этгээдэд ял шийтгэл эдлүүлэхээс илүүтэй тийм байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Гэмт хэрэг үйлдсэнийх нь дараа түүнийг илрүүлэх, гэсгээн цээрлүүлэх, учруулсан хор хохирлыг барагдуулах нь аль аль талдаа төвөг чирэгдэл, зардал ихтэй ихээхэн урхагтай асуудал. Хэрэв гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл, боломж, бололцоог бүрдүүлэхгүй байвал гэмт хэрэг гарахгүй. Тиймээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд тодорхой бодлогоор, хөрөнгө мөнгө, хүч хаяад ажиллавал гэмт хэргийн золиос хохирогч болохгүй, гэмт хэрэгтэй тэмцэж байгаа цагдаа, хяналт тавьж байгаа прокурор, ял өгч байгаа шүүгч, хорих байгууллага зэрэгт учирч буй гинжин бэрхшээлийг шийдэж, гарч буй бодит болон бодит бус хохирол, зардлыг хэмнэх боломж бүрдэнэ.

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачилгатай оролцсон иргэдээ урамшуулна гэсэн үү?

-Яг тийм. Хуулийн төсөлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэд, байгууллагыг урамшуулах тухай бүхэл бүтэн нэг зүйл оруулж өгсөн. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг олон нийт иргэдийн оролцоонд түшиглэж, тулгуурлаж зохион байгуулна. Санаачилж, оролцож байгаа иргэдийг урамшуулах, дэмжих, тэдний оролцоотойгоор ажлаа дүгнэх гээд аль болох иргэдийн оролцоог хангахаар хуульчилсан байгаа. Тухайлбал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэд, мөн энэ чиглэлээр тодорхой ажил зохиож, үр дүнд хүрсэн хуулийн этгээдийг урамшуулна гэсэн заалт бий. Мөн иргэний өгсөн мэдээллийн дагуу зөрчилд 200 хүртэл нэгжээр торгох шийтгэл оногдуулсан бол иргэнд тухайн шийтгэлийн 20 хүртэл хувь, 200-гаас дээш нэгжээр торгох шийтгэл оногдуулсан бол 10 хүртэл хувьтай тэнцэх мөнгөн урамшуулал олгож болно гэж тов тодорхой зааж өгсөн. Гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ гэдэг цогц том ажил. Энэ ажлыг хэрхэн зохион байгуулах, зардал мөнгийг хэрхэн яаж зарцуулж, үр дүнг тооцох гээд олон чухал асуудлыг хуульд нарийвчлан зааж өгсөн.

Мөн олон нийт рүү чиглэсэн урьдчилан сэргийлэх ажлаас гадна гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг болон хорихоос суллагдсан иргэдэд хэрхэн хяналт тавьж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхад яаж анхаарах талаар ч нарийвчилсан зохицуулалтууд суулгаж өгсөн. Урьтаж сэргийлж байж л учрах эрсдэлээс хамгаална.


Categories
мэдээ цаг-үе

З.Нарантуяа: ОУПХ-нд Г.Батхүү агсны ар гэрийнхний гаргаж өгсөн материалыг явуулсан

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.


-АН-ын зөвлөлөөс Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулан ОУПХ-нд хүсэлт хүргүүлсэн. Яагаад хүсэлт өгөхөөр болов?

-Олон улсын парламентын холбоо нь эгнээндээ маш олон орны парламентыг гишүүнээр элсүүлж хамтран ажилладаг байгууллага юм. ОУПХ нь гурван зүйл дээр маш чухалчилж ажилладаг. Нэгдүгээрт, парламентын гишүүдийнхээ хүний эрхийн асуудалд ихээхэн ач холбогдол өгдөг. Парламентаар дамжуулж тухайн орны хүний эрхийн асуудалд анхаардаг юм. Хоёрдугаарт, улс орнуудын тогтвортой хөгжлийн асуудлыг онцлон үздэг. Тогтвортой хөгжлийн асуудлаар манай улсад бүсийн чуулга уулзалтаа амжилттай хийж өндөрлөлөө. Харин гуравдугаарт, жендерийн болоод тэгш байдлын асуудлыг онцгой анхаарч үздэг юм.

Бидний зүгээс хүний эрх болоод Монгол Улсын парламентын дэд дарга, УИХ-д гурван удаа, Засгийн газрын гишүүнээр хоёр удаа сонгогдсон, Тусгай хяналтын дэд хороо, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны Төрийн хамгаалалттай газар амь эрсэдсэн ноцтой асуудлыг хөндөж тавьсан. Тухайн хүний амьд явах эрхийн баталгаа Төрийн ордонд алдагдсан учраас ОУПХ анхаарах ёстой гэж үзэн хэд хэдэн хүсэлтийг тавьсан.

-Яг ямар хүсэлтүүдийг ОУПХ-нд тавьсан бэ?

-Нэгдүгээрт, мөрдөн шалгах ажиллагааг өндөр түвшинд, ОУПХ-ноос томилсон мэргэжлийн экспертийн хяналт дор, тэдэнд мэдээлэл нь нээлттэй байхад анхаарч өгөөч ээ гэж хүссэн. Учир нь Төрийн ордны тэрхүү хэсэгт хяналтын камергүй байсан. Ямар орчинд, хэрхэн амь насаа алдсан нь маш эргэлзээтэй байгаа. Тэр тусмаа өвчний улмаас биш, гадны нөлөөтэй байж болзошгүй байдлаар амь насаа алджээ гэх анхны дүгнэлт эмнэлгийн байгууллагаас гарч байгаа учраас үүн дээр анхаарахыг хүссэн. Хоёрдугаарт, хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгаж байгаа ажиллагаа хэр үнэн зөв, үндэслэлтэй явж байгаа нь нийтэд нээлттэй биш байна. Энэ хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа нь сонгуулийн өмнө улс төрийн ямар нэгэн нөхцөл байдлаас хамаараад хаалттай, үнэн зөв явахгүй байх нөхцөл байдал үүсчих вий гэх болгоомжлол байна. Тиймээс ОУПХ-г энэ асуудалд анхаарал хандуулахыг хүсч байгаа юм. Анхаарлын төвд нь ч оруулж байгаа хэрэг. Ийм байдлаар хүсэлтийг өгсөн. Мэдээж ар гэрийнхнийх нь зүгээс “Харьяалагдаж байсан улс төрийн хүчнийх нь парламентад байгаа зөвлөл энэ асуудалд анхаарч, ОУПХ-ны Монголын парламентын бүлгэмд энэ хүсэлтийг тавьж өгөөч ээ” гэж хүссэн. Бид энэ хүсэлтийн дагуу ОУПХ-ны Монголын парламентын бүлгэмийн дарга Л.Энх-Амгалан гишүүнд өгсөн. Мөн бид ОУПХ-ны тэргүүн өөрийн биеэр Монгол Улсад байгаа завшааныг ашиглаад уулзсан. Бид түүнд нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм. Мөн хүсэлтийг ар гэрийнхнийх нь гаргаж өгсөн материалын хамт өгсөн.

-Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болохгүй байх нөхцөл байдал үүсчихлээ. Сөрөг хүчний зүгээс Цэцийн шийдвэрийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Нөхөн сонгуулийг эрх зүйн хувьд явуулахгүй байхаар болчихлоо. Цэц 42 дугаар тойрогт сонгуулийг зарласан, УИХ-ын 22 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчжээ гэсэн дүгнэлтийг гаргалаа. Энэ бол ардчилсан Монгол Улсад өөрийнхөө төлөөллөөр дамжуулж төрийн эрх барих үйл ажиллагаанд оролцдог иргэдийн Үндсэн хуульд заасан эрхийг жил гаруйн хугацаанд хэрэгжих боломжгүй болгочихож байгаа үйл явдал. Үндсэн хуулийг сахин биелүүлж, түүний биелэлтийг сахин хамгаалж байх ёстой Цэцийн энэ үйлдэл улс төрийн нөлөөтэй байв уу гэж хардахад хүргэж байна. Цэцээс гаргасан нэг үндэслэл нь сонгуулийг зохион байгуулах төсөв хөрөнгө нь Төсвийн хуулиар батлагдаагүй байсан тухай байгаа. Энэ нь ямар ч хуулийн үндэслэлгүй дүгнэлт. Улс оронд ямар ч үйл явдал өрнөж болно. Бид хэзээ ч нөхөн сонгууль болж болзошгүй гэж Төсвийн хуульд тодорхой хөрөнгө мөнгө зүйл ангиар нь тавьж өгч байгаагүй. Улс орны өмнө байгалийн гамшиг гээд урьдчилж таахын аргагүй олон зүйлүүд тохиолдож болзошгүй байдаг учраас тэр тохиолдолд хэрэглэхээр Засгийн газарт нөөцийн хөрөнгийг баталж өгдөг.

Өнөөдөр Засгийн газрын нөөцийн хөрөнгөд ганцхан тойргийн сонгууль хийх хэмжээний мөнгө байгаа. Тэр нөөц хөрөнгөөс нөхөн сонгууль зохион байгуулсан гэх тайлан байхад энэ нь ямар ч хууль дүрэм зөрчихгүй. Гэсэн ч ийм арга ядсан үндэслэлээр нөхөн сонгуулийн товыг зарласан тогтоолыг хүчингүй болгож, сонгууль явуулах боломжгүй болгож байгаа нь үнэхээр харамсалтай юм.

-Ерөнхийлөгчийн Татварын багц хуульд тавьсан хоригийг УИХ хүлээж авсангүй. Энэхүү хууль нь татварын байцаагчдад илүү их боломж олголоо гэх шүүмжлэлийг гишүүд хэлж байна. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Татварын багц хуульд ерөнхий утгаараа олон зүйл шинэчлэгдсэн. Аж ахуйн нэгжүүдийн татвараа тайлагнадаг, татварын өрөө төлөх асуудлууд дээр дэвшил гаргасан заалтууд бий. Гэхдээ татвар төлөгч аж ахуйн нэгжүүд өрөө төлөхгүй удах юм бол албадан татвар төлүүлэх процесс дээр татварын алба өөрөө шүүхийн зөвшөөрөлгүйгээр эрх хэмжээтэй оролцохоор болсон. Энэ процесст татварын байцаагчдын эрх хэмжээ шүүхийн буюу хуулийн байгууллагын хяналтаас гадуур байна. Энэ нь тухайн аж ахуйн нэгжид ямар нэгэн байдлаар дарамт, чирэгдэл учруулахгүй гэсэн баталгаа байхгүй юм. Хоёрдугаарт, Татварын багц хуулийг дагаад маш олон дүрэм, журам батлагддаг. Татвар тооцдог аргачлал, татвар хураах процессын журмууд шинэчлэгдэх ёстой. Тэр бүгдийг Сангийн сайдын тушаалаар батална. Энэ нь Засгийн газрын журмаар биш, хариуцсан сайдын эрх хэмжээний асуудал болоод явчихаж байгаа юм. Энэ бүхэн хуулийн дагуу хийгдэж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Учир нь татвар хураагч талд дэндүү их эрх хэмжээ очиж байгаа. Татвар төлөгч талын эрх ашиг хууль, дүрэм журмынхаа орчинд муудаж байна уу гэдэг дээр хяналт тавихад хязгаарлагдмал болчихож байгаа юм. Аль аль талаас нь аваад үзэхэд энэ хуулийг эргэн нягтлах зайлшгүй шаардлага байна. Тиймдээ ч энэ талаас нь Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа.

-Ерөнхийлөгчийн хоригоос хуульдаа тусгахаар зүйлүүд нь юу байв?

-Үндэстэн дамнасан корпорациуд дэлхий даяараа татвараас зайлсхийх, татварын тайлангаа орнуудад өөр, өөр байдлаар мэдээлэх асуудал их байдаг. Тиймээс 2010 оноос хойш олон улсын хэмжээнд татварын ил тод байдлыг сайжруулах тал дээр хамтын нийгэмлэгүүд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа. Түүний нэг нь “Beps”-ийн шаардлага юм. Нэг мэдээллийг татварын байгууллагуудад өгч, татвар хураагч байгууллага нь үндэстэн дамнасан корпорациудын мэдээллийг хоорондоо солилцоод, нэгдсэн байдлаар хяналт тавих боломжийг олон улсын хэмжээнд бий болгосон форум юм. Энэ форумд Монгол Улс элсэн, манайд үйл ажиллагаа явуулж байгаа гадны томоохон компаниудын татвар дээр бусад орны тусламжтайгаар хяналт тавих боломж гарч ирж байгаа нь сайн хэрэг юм. Гэхдээ одоогийн энэ хуулиар хэд хэдэн татварт ногдох хувь хэмжээнүүд өөрчлөгдсөн. Үндэсний татвар төлөгч компаниудад тавьдаг татварын хувь хэмжээ нь зарим компаниудын тодорхой үйл ажиллагаа, орлогод нь багассан зүйлүүд бий. Үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс тавьж буй аргумент, Сангийн яамны зүгээс тайлбарлаж байгаа аргумент хоёр зөрөлдөөд байгаа. Тиймээс хоригийг хүлээж аваад зөрөлдөөд байгаа зүйлүүдээ нэгтгэж, зарчмаа нэг хэмжээнд ойлгож явах нь чухал юм. Тэгэхгүй бол цаашдаа хуулийг хэрэглэх явцад татварын байцаагч бүрийн өөр, өөрсдийн ойлголт, үзэмжээр маргаан гараад байх юм бол татвар төлөгч нарт маш хүнд болно. Харамсалтай нь гишүүдийн олонх эсрэг кноп дарсан тул хоригийг хүлээж авсангүй. Ямартаа ч энэ хууль шинээр хэрэгжиж байгаа учраас олон дүрэм, журам нь шинэчлэгдэнэ байх. Хэрэглээд эхлэхээр сайн, муу нь ялгараад харагдах байх. Тэр үед л засах боломж гарч ирэх байх гэж найдаж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сарангэрэл сайд сайн ажилласан учраас л сүрьеэ илэрсэн хэрэг биш үү

Ажил хийж буй хүн шүүмжлүүлдэг гэдэг үг байдаг. Д.Сарангэрэл сайд тандалт судалгаа хийсэн учраас л сүрьеэгээр өвчлөгсөд олон байгааг илрүүлжээ. Энэ тухайгаа ч тэрээр “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн 2018 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн орон даяар анх удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна. Үзлэгээр сүрьеэгийн тархалт түлхүү бүртгэгдэж байгаа. 18-34 насныхан болон ЕБС-ийн сурагчдын дунд сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгийг газар дээр нь хийж байна. Тандалт судалгааг 90 сургуульд хийхээс өнөөдрийн байдлаар 25 сургуульд хийж, сүрьеэгийн өвчлөлийн 47 тохиолдлыг илрүүлж эмчиллээ. Тандалт судалгааг үргэлжлүүлэн хийнэ” хэмээн мэдэгдсэн.

Гэтэл үүнийг нь Д.Сарангэрэл сайд өөрөө сүрьеэ өвчин тараагаад байгаа мэтээр л цуурцгааж байна. Харин ч түүний өмнөх сайд нар ийм нөхцөл байдал үүсчихээд байхад дараад байсан хэрэг биш үү. Ил болгочихвол өөрт нь шавар шавхай ирээд наалдчихна гэж санасан байх л даа. Харин сэтгүүлч хүн бол өөр. Сэтгүүлч хүн асуудлыг ил болгодог. Тиймдээ ч Д.Сарангэрэл сайд сүрьеэгийн нөхцөл байдлыг бодитоор нь гаргаж тавьсан. Цаашид ч энэ мэтчилэнгээр сүрьеэг илрүүлж, энэ асуудлыг нэгмөсөн цэгцэнд оруулах ёстой. Бүр ор мөргүй дарж авахын төлөө хичээх хэрэгтэй. Сургуулиуд ч тэр дор бүрнээ анхаарч, үзлэг шинжилгээнд идэвхтэй хамрагдах шаардлагатай юм.

Ингэж сүрьеэгийн тархалт их байгааг илрүүлж байхад нь олон нийт шүүмжиллээ гээд өнөөх сайдаа огцруулж тэнэгтэв ээ. Д.Сарангэрэл сайд ч тэр хулчийж огцрох өргөдлөө өгөв дөө. Харин ч энэ үйлдэл дараа дараагийн сайд нарт болж бүтэхгүй бүхнээ нууж далдлах шаардлагагүй юм байна, ил болгоё гэх урам зориг болог. Одоо дахиад ч бугшсан зүйлүүдээ ил болгох хэрэгтэй. Өсвөр үе, залуучуудын дунд ихээр дэгдлээ гэгдээд буй тэмбүүгээс эхлээд бэлгийн замын бүхий л өвчлөлүүдийг яг үүн шиг ил болгож байгаад дарж авах нь чухал байна.


Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Засгийн газрын таван гишүүн л давхар дээлтэй байхаар хуульчилж өгсөн

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.


-Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавилаа. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Захиргааны ерөнхий хуулийг УИХ-аар хэлэлцэж хүрээг нь харьцангуй хумьсан. Одоо бол УИХ-ын чиглэл өгсөн асуудлаар Засгийн газраас гаргасан шийдвэрийг Захиргааны шүүх авч хэлэлцэхгүй. Ийм л ерөнхий агуулгаар гарсан хууль. Миний хувьд энэ нь зөв байх гэж бодож байгаа. Цэцээс 2007 оны үед Засгийн газрын хамтын шийдвэрийг Захиргааны шүүх авч хэлэлцэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн шийдвэрийг ч гаргасан байдаг.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ сардаа багтаан өргөн барина хэмээн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн. Ямар өөрчлөлтүүд оруулахаар тогтов?

-Энэ удаагийн УИХ байгуулагдсан цагаасаа эхлээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж, ажлын хэсэг байгуулж олон талт үйл ажиллагаа явуулж байгаа. Зөвлөлдөх санал асуулгыг хоёр шаттайгаар зохион байгуулсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар 300 мянган иргэнээс санал авч тодорхой саналуудыг нэгтгэсэн. Мөн ШУА, Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн эрдэмтэн, мэргэд, судлаачдын санал бодлыг тусгасан. УИХ дээр үе үеийн парламентын бүрэн эрхийн хугацаанд ажлын хэсэг байгуулагдаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр гаргаж байсан саналуудыг ч харгалзаж үзсэн. Ингээд дөрвөөс таван чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гэдэг дээр санал нэгдэж байгаа.

-Яг ямар чиглэлүүд байна вэ?

-УИХ-ын үйл ажиллагааг хариуцлагажуулж боловсронгуй болгох чиглэлээр эхний өөрчлөлтийг хийнэ. 2000 оны долоон өөрчлөлтийн зургаан өөрчлөлтийг нь хэсэгчлэн болон бүтнээр нь сэргээж байгаа. Энэ хүрээнд УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд 75-аас доошгүй хоног хуралдъя гэж байгаа юм. Одоо бол 50-иас доошгүй хоног хуралдахаар заасан. Мөн УИХ-ын хууль батлах босгыг өндөрсгөнө. 2000 оны өөрчлөлтөөс өмнө УИХ-ын 51 гишүүнээр хурлын ирц бүрдээд, тус гишүүдийн 50 хувь буюу 26 гишүүн хууль баталдаг байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа хуулиар 39 гишүүн буюу нийт гишүүдийн олонх ирээд түүний ердийн олонх болох 20 гишүүнээр хууль батлах боломжтой.

Бид хуулийн төсөлдөө ирц нь 39-өөрөө байг, гэхдээ хууль эцэслэн батлах босго нь 39 буюу нийт гишүүдийн 50 хувь байх ёстой гэж оруулсан. Үүнээс гадна УИХ-ын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэж байгаа. Хэрвээ хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууцаар санал хураалтыг явуулахаар заасан. Энэ бол 2000 оны өөрчлөлтийг хэсэгчлэн сэргээж байгаа хэлбэр юм.

-Давхар дээлний асуудал яригдаж байгаа гэсэн. Хэрхэн өөрчлөгдөхөөр хуулийн төсөлд тусгасан бэ?

-Энэ удаагийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад үл хамаарах ажил албан тушаалыг хавсрахыг хориглосон. Үүнийг Үндсэн хуульд Ерөнхий сайд, мөн дөрвөн сайд УИХ-ын болон Засгийн газрын гишүүнийг хамт хийж болох юм гэж үзэж байгаа. Үүнийг 2000 оны өөрчлөлтөөр нээлттэй болгосноор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ парламентаас бүрдэх болсон. Хэдий тодорхой хязгаарлалт хийх ёстой гэдэг дээр санал нэгддэг ч гэсэн үндсэн чиглэлийн яам, эсвэл гуравны нэг нь гэх мэтээр органик хуулиар зохицуулах гэж оролдсон. Энэ нь амьдрал дээр бүрэн хэрэгжиж чадахгүй байгаа учраас Засгийн газрын таван гишүүн л УИХ-ын гишүүн байхаар хуульчилж өгсөн.

-Ямар салбарын сайд нар давхар дээлтэй байна гэсэн үг вэ?

-Түүнийг Ерөнхий сайд өөрөө шийд гэж байгаа. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд УИХ хоёр эрхээс татгалзаж байгаа. Нэгдүгээрт, сайд нарыг томилдог бүрэн эрхээсээ татгалзах нь зөв гэж үзсэн. Хэрхэн танхимаа бүрдүүлж, мөн өөрөөсөө гадна ямар дөрвөн сайдыг парламентаас авч ажиллуулах эсэх нь Ерөнхий сайдын эрхийн асуудал болно гэсэн үг. Хоёрдугаарт, төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн төслийг хэлэлцэн баталж байх үед зөвхөн Засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр л зардлын шинэ төрөл үүсгэдэг болъё гэж байгаа. Үнэндээ жижиг мажоратори 76 тойргоор сонгогдож байгаа энэ үед тойргийн эрх ашгууд, жижиг зүйлүүд тусгагдсанаас болж төсөв танигдахын аргагүй болдог. Энэ нь эргээд улсынхаа эдийн засгийн тэнцлийг алдагдуулчихдаг. Үргүй зүйлд төсвийн мөнгийг урсгах үүд хаалга болчих гээд байдаг. Ялангуяа сонгуулийн урьд жил УИХ-ын гишүүд төсөв дээр их олон зүйл суулгаж, амладаг явдал гардаг. Үүнийг таслан зогсоохын тулд Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зардал нэмэгдүүлэхийг хориглож байгаа юм. Энэ бол УИХ төсвийн талаарх бүрэн эрхээсээ татгалзаж, хязгаарлаж байгаа үйлдэл гэж ойлгож болно. Дараагийн чухал зүйл нь УИХ-ын бүрэн эрхийг дуусгавар болохтой холбоотой заалтуудыг нарийвчлан зааж өгсөн. Мөн УИХ-ын хяналтыг боловсронгуй болгох хүрээнд нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал гаргаж болохоор тусгасан. Тэр тохиолдолд УИХ түр хороо байгуулна. Уг түр хороо нь ямар эрх үүрэгтэй байх, юу хэлэлцэх талаар хуульд нарийвчлан тусгаж өгнө. УИХ-тай холбоотойгоор ийм зүйлүүдэд өөрчлөлт оруулахаар ярьж байна.

-Засгийн газрыг тогтвортой үйл ажиллагаа явуулах талаар хуульд тусгасан зүйлүүд бий юу?

-Ерөнхий сайдад хэд хэдэн давуу тал олгож байгаа. Нэгдүгээрт, Засгийн газрыг эмхлэн байгуулах эрхийг олгож байна. Эрх мэдэл нь нэмэгдэж байгаа мэт боловч төдий чинээ үүрэг хариуцлага оногдох юм. Өмнө нь парламент нэг сайдад хариуцлага тооцоод явчихдаг байсан бол одоо нэг сайд алдаа гаргахад танхимаараа хариуцлага үүрдэг болно. Хариуцлагын тогтолцоог маш ойлгомжтой болгож байна гэсэн үг. Нөгөө талаараа гүйцэтгэх засаглалыг тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэх том алхам болно гэж харж байна. Засгийн газар хараат бус, зоригтой шийдвэрүүд гаргаж бүтээлч ажиллах боломж нөхцөлийг нь бүрдүүлэх үүднээс ийм өөрчлөлт хийх юм. Ерөнхий сайдын өөртөө итгэл үзүүлэх байдлыг нь нарийвчлан зааж өглөө. Энэ нь Үндсэн хуульд байдаг ч Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэх асуудлаар УИХ-д хандаж байгаагүй.

Ерөнхий сайд төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулж ирвэл УИХ гурав хоногийн дотор түүнийг хэлэлцэх ёстой. Энэ тогтоолын төсөл батлагдсанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлж байна гэж үздэг парламентын сонгодог жишээ юм. Япон, Англи зэрэг олон оронд Ерөнхий сайд албан тушаал, танхимаа дэнчин тавьж байгаад том бодлогын асуудал оруулж ирдэг. “Үүнийг дэмжиж өгөхгүй бол би Ерөнхий сайдаа хийхгүй” гэдэг гэсэн үг. Энэ нь өөрийн албан тушаалаа бодлогын асуудалтай уядгаараа их ач холбогдолтой байдаг юм. Тиймээс энэ асуудлыг ихээхэн нарийвчилж өглөө.

Харин Төрийн албаны шатлан дэвших буюу мерит зарчимд суурилсан томилгоотой холбоотой асуудлыг анх удаа оруулж байгаа. Энэ 27 жилийн хугацаанд улс төрийн сонгуулиа дагаад маш их улстөржилт явагдаж, халаа сэлгээ болдог болсон. Үүнийг дагаад төрийн бодлого алдагддаг. Төрийн албаны чадавх ч их суларч байна. Тиймээс энэ чиглэлийн өөрчлөлтүүдийг оруулж өгч байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх үүрэгт өөрчлөлт орж байгаа юу?

-Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн шалгуурыг өндөрсгөж, чиг үүргийг нь тодорхой болгож өгөх нь зүйтэй гэж үзсэн. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг нэмбэл яасан юм бэ гэх саналыг ч гаргаж байгаа. 1992 онд батлагдсан Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн чиг үүргийн хуулиар тогтооно гэж заасан байдаг. Үүнтэй холбоотойгоор органик 43 хуулиар Ерөнхийлөгчтэй холбоотой эрх үүргүүд нэмэгдсэн. МҮОНРТ-ийн удирдлагыг сонгохоос эхлээд маш олон зүйлд төрийн тэргүүн оролцдог. Энэ нь өөрөө хоёр Ерөнхий сайдтай юм шиг байдлыг бий болгож байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн чиг үүргийг маш тодорхой болгож, зөвхөн Үндсэн хуульд заасан асуудлаар л чиг үүргийг нь өргөтгөхөөр нарийвчлан зааж өгсөн гэдгийг хэлэх хэрэгтэй.

Мөн 55 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаатайгаар нэг удаа сонгодог байх гэсэн санал явж байгаа. Энэ бол их чухал санал. Өнөөдөр 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн хоёр удаа Ерөнхийлөгчид сонгогдох боломжтой байгаа. Ерөнхийлөгчид хоёр дахь удаагаа сонгогдохын тулд ямар нэгэн ажиллагаа явуулдаг, дээрээс нь найман жилээр ажиллах нь үр дүнтэй биш байна гэдгийг ч иргэд хэлдэг. Тиймээс монгол хүний дундаж наслалт ч нэмэгдэж байгаа энэ үед Ерөнхийлөгчийн насны хязгаарыг авч үзэх нь зүйтэй гэдгийг хэлж байгаа юм. 45 настайдаа Ерөнхийлөгч болчихоод 50 нас хүрэхтэй үгүйтэй суудлаасаа буудаг. Буусан хойноо нам руугаа орж, улс төр үймүүлдэг хандлагууд бий л дээ.

-Шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах чиглэлээр ямар өөрчлөлтүүд орох вэ?

-Шүүхийн ерөнхий зөвлөл гэж байгуулан бүх шатны шүүгчийг томилох шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргэдэг байя гэж байгаа. Ерөнхийлөгч энэ шийдвэрийг 21 хоногийн дотор багтаан батламжилдаг байх юм. Ерөнхийлөгчийн зүгээс зөвхөн Үндсэн хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл батламжилахаас татгалзаж болно. Тодруулбал, нас, мэргэшилтэй холбоотой заалтаар л татгалзах эрхтэй. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн шүүх эрх мэдлийн томилгоо руу ордог байдлыг хязгаарлаж буй хэрэг юм. Шүүгчийн насны болон мэргэжлийн шаардлагуудыг өндөрсгөсөн. Шүүхийн ерөнхий зөвлөл нь 10 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Тэдгээрийг дөрвөн жилийн хугацаатай сонгоно. ШЕЗ-ийн таван гишүүнийг УИХ-ын холбогдох байнгын хорооноос нэр дэвшүүлнэ. Мөн таван гишүүнд нь шат шатны шүүхийн байгууллагуудаас нэр дэвшүүлэх юм. Эдгээр 10 гишүүн нь ШЕЗ-ийн даргаа сонгох болно. Ингэснээр шүүгчийг томилоход хэн нэгэн улстөрч, Ерөнхийлөгчийн институци оролцохгүй. Нээлттэй, хараат бусаар шүүгч нар өөрсдөө томилох боломжийг олгож байгаа юм. Шүүгчийн хариуцлагын зөвлөлийг мөн байгуулъя гэж байгаа. Энэ хүрээнд шүүгч, шүүх засаглалтай холбоотой асуудлыг тэнд хэлэлцэх юм. Энэхүү Шүүгчийн хариуцлагын зөвлөл нь зургаан жилийн хугацаатайгаар сонгогддог есөн гишүүн байя гэх асуудлыг л тавьж байгаа.

-Нутгийн удирдлагын тогтолцоонд өөрчлөлт оруулж байгаа. Өөрчлөлтүүд ямар давуу талтай гэж харж байгаа вэ?

-Сум, дүүргийн засаг дарга нарыг ард нийт өөрсдөө сонгодог болчихъё гэж байгаа юм. Сонгогдсон сум дүүргийн Засаг дарга нь баг, хорооныхоо Засаг даргыг томилно. Мөн тухайн сум, дүүргийн ИХТ нь аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийг дөрвөн жилийн хугацаагаар сонгодог болох юм. Ингэснээр орон нутгийн сонгуулийн нэг шат байхгүй болж байна гэсэн үг. Мөн сум, дүүргийн Засаг дарга нар ард иргэдийнхээ итгэлийг авч ажиллах, улстөржихгүй байх нөхцөл бүрдэнэ. Дээрээс нь Дархан, Эрдэнэтийг хот байх асуудлыг авч үзэж байгаа. Ерөнхийдөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ асуудлуудыг авч үзнэ. Мөн Үндсэн хуулий Цэц, намуудын үйл ажиллагаатай холбоотой зарим нэг заалтуудыг нэмэлт, өөрчлөлтөөр оруулж байгаа. Одоогоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулах асуудлууд багцлагдаад дууссан. Хаврын чуулганд багтаан хэлэлцэх байх гэж бодож байна.

-Сонгуулийн тухай хуулийг хэдийгээр өргөн барих бол?

-Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж зарчмын хоёроос гурван зүйл дээр тохироод байгаа. Ардчилсан нам Засгийн эрх барьж байх үедээ гурван сонгуулийн тухай хуулийг нэг болгоод нэгтгэчихсэн. Энэ хууль нь өөрөө асар их зөрчилтэй. Уг хуулиар сонгууль явж дууссаны дараа Сонгуулийн Ерөнхий хорооноос маш том санал ирсэн. Орон нутгийн сонгууль, улс төрийн намын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн гурван өөр чиг үүрэгтэй сонгуулийг нэг хуулиар зохицуулж байгаа нь асар их зөрчилтэй байна. Тиймээс гурван тусдаа хууль болгож өгөөч гэсэн саналыг СЕХ-оос гаргасан. Иймд Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгээс гурван тусдаа бие даасан хуулийг боловсруулаад дуусч байна. Энэ гурван хууль дээр Засгийн газраас санал авч, ойрын үед өргөн барина. Энэ хаврын чуулганаар хэлэлцэж эхлэх байх гэж бодож байна. Сонгуулийн тухай хуулийг маш ойлгомжтой болгох хэрэгтэй байна. Тун саяхан л гэхэд уг хуулиас болоод Цэц дээр Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт сонгууль явагдаж чадахгүй хэмжээнд хүртлээ маргаан үүсч байна. Сонгуулийн тухай хууль тодорхой, ойлгомжтой байж л сонгогчдын эрх ашиг хамгаалагдана.

-“Жаст” компанийн төлөх ёстой Стандарт банкны өрийг Засгийн газар төлсөн. Энэ асуудлыг шийдэх ажлын хэсэгт та ажиллаж байгаа. Ажлын хэсэг дүгнэлтээ хэзээ танилцуулах вэ?

– УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулсан Эрдэнэтийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Ажлын хэсэг энэ долоо хоногт багтаан дүгнэлтээ гаргахаар ярилцаж байна. Ажлын хэсгийн хүрээнд “Жаст” компани Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулж Стандарт банкнаас мөнгө зээлсэнтэй холбоотой асуудал олон жил яригдаж байна. Нийт 100 гаруй сая ам.доллар төлөх Арбитрийн шийдвэр гарсан. Засгийн газар тохиролцоо хийж 40 са ам.доллар болгон төлж, гадаад талдаа өрөө хаасан. “Жаст” компанид улсыг хохиролгүй болгох хэмжээний хөрөнгө бий. Урьдчилсан үнэлгээгээр “Жаст” компанид 200-гаад тэрбум төгрөгийн хөрөнгө байна гэж үзэж байгаа. Тэдгээрийг борлуулах замаар улс энэ хохирлоо эргэн барагдуулах ёстой. Энэ ажиллагаа хуулийн хүрээнд явах ёстой юм.