Categories
мэдээ цаг-үе

Ц.Гарамжав: Үндсэн хуульд Баялгийн сантай болох тухай тусгах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ярилцлаа.


-Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улсын Үндсэн хууль хориод жил тогтвортой үйлчилсэн. Харин одоо бидний өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий юү, Үндсэн хуульд ямар зарчмаар өөрчлөлт орох ёстой вэ гэсэн асуултууд гарч ирж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд зааснаар нийт ард иргэдээс санал авсны дараагаар өөрчлөх, нэмэх асуудал яригдах учиртай. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн талаар нийт иргэд дунд өргөн хэлэлцүүлэг болж байгаа нь онцлууштай. Ард иргэдийнхээ санаа бодлыг сонсохоор гишүүд өөрсдийн тойрогтоо ажиллалаа. Би ч мөн Сонгинохайрхан дүүргийнхээ зарим хороодод хэлэлцүүлэг өрнүүллээ. Иргэд хэлэлцүүлэгт маш идэвхтэй оролцсон.

Уулзалтад ирж буй иргэдийн 80 орчим хувь нь ахмадууд байлаа. Ер нь уулзалтуудад зонхилж ирдэг нийгмийн идэвхтэй хүмүүс нь ахмадууд маань байдаг. Үлдсэн 20 орчим хувь нь дунд эргэм насныхан байсан бол залуу үе маш цөөн тоотой ирлээ. Магадгүй тэд ажилтай, тодорхой шалтгаантай байсан байх.

Ард иргэдийн саналыг харвал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв гэж үзэж байна. Ялангуяа нийгэмд шүүмжлэлийг дагуулдаг давхар дээл, шүүхийн хараат бус байдал, засаглалын тогтолцоо зэрэг асуудлуудыг онцолж байна. Манай тойрог болон бусад тойрогт эдийн засгийн асуудлуудыг хангалтгүй тусгагдсан байна гэсэн саналыг ч хэлсэн. 2000 оны нэмэлт, өөрчлөлтөд эдийн засагтай холбоотой зүйл заалт бага тусгагдсан. Энэ нь тухайн үед эдийн засаг тогтвортой байсантай холбоотой байх. Харин одоо эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн.Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхэд дөхөмтэй зүйл, заалтыг Үндсэн хуульд зайлшгүй тусгах хэрэгтэй. Ялангуяа байгалийн баялгийг нийт ард түмэнд хүртээлтэй байлгах асуудлыг тусгаж өгөх нь зөв. Мөн монголчууд бид байгалийн баялаг, уул уурхайн хөгжилтэй холбоотой гадна, дотны гэрээ хэлцлүүд хийж томоохон үйлдвэрлэлүүд явагдаж эхэлсэн. Иймд үүнтэй холбогдуулан үндэсний эрх ашигт нийцүүлсэн заалтыг оруулж өгөх нь чухал гэдгийг иргэд онцолж байна. “Оюу толгой”, “Таван толгой” зэргээс шалтгаалан энэ саналыг хэлж байгаа байх.

-Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох саналыг хүргүүлсэн. Энэ нь зөв үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ хүлээн авч хэлэлцэж байна. УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох тухай санал орсон. Энэ санал өмнөх парламентад бас яригдаж байсан. Манай улсан хүн ам 3.2 саяд хүрсэнтэй холбогдуулж ийм санал оруулж ирсэн байх. Олон улсад парламентын гишүүдийн тоог тооцоолж тогтоодог юм билээ.

-Гишүүдийн тоог нэмэхээр бол хоёр танхимтай байх нь зөв гэх саналууд ч гарч ирж байна. Энэ тухайд?

-Ард иргэдийн зүгээс ч УИХ-ын бүтэц зохион байгуулалтын тухай, ялангуяа парламентын засаглалтай оронд дээд, доод гэсэн хоёр танхим тохиромжтой талаар хэлж байна. Манай улс өмнө Ардын их хурал, Улсын бага хуралтай байсан. Энэ нь хоёр танхимын нэг хэлбэр гэж харж болно. Гишүүдийн тоог нэмэх нь нэг талаараа түүн шиг болгох гэсэн хэлбэр. Дээд танхимд мэргэжлийн хуульчид байх нь зөв. Тэд баталсан хууль зөв гарсан уу, цаг үетэйгээ нийлсэн үү, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадах уу зэргээр шүүх юм. Харин доод танхимд бүх төрлийн салбарынхан салбараа төлөөлөн суух болно. Бид саяхан Швецарийн парламентын танхимтай танилцсан. Тус улсын парламент эрх нь тэнцүү хоёр танхимтай юм байна. Маш их ардчилалтай, хяналт хатуу юм байна лээ. Нэгдүгээр танхимын хийсэн ажилд хоёрдугаар танхим хяналттай ажиллаж саналаа баталдаг тогтолцоотой юм билээ.

-108 гишүүний тэн хагасыг пропорциналь, үлдсэнийг нь мажоритар тогтолцоогоор сонгоно гэж байгаа. Энэ нь зөв үү?

-Улс нэг том тойрог байна гэдгийг би хувьдаа зөвшөөрөхгүй байгаа. Учир нь иргэд сонгохдоо таньдаг хүнээ л харна. Шинээр гарч ирэх гэж буй ажил хэрэгч хүмүүст боломж нь багасна гэж харж байгаа. Хийж, бүтээхийн жаргал, зовлон, бэрхшээлийг өнгөрсөн 20, 30 жилд мэдэрсэн салбар бүрийн мэргэжилтэй хүмүүсийг парламентад гаргамаар байна. Миний бодлоор бүсчилсэн тойрог чухал. Аймаг, дүүргээр бүсчилсэн тойргоор сонгууль явуулбал үр дүнтэй гэж үзэж байгаа. Жишээлбэл, Баянзүрх дүүрэгт 30 жил амьдарч байгаа иргэн дүүргийнхээ төлөө бүтээлчээр ажиллаж чадах хүнээ сайн мэдэж сонгож чадна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн хуулиа уншиж, судалж өнөөдрийн тулгамдаж буй асуудалд тохируулан хуулиа зөв тогтоох хэрэгтэй. Одоо орж ирж буй хуулиудад маргаан дагуулах томьёоллууд байгаа. ААН-үүдийг хохироох, давхар үүрэг оногдуулах үр дагавартай хуулиуд ч орж ирж байна. Жишээлбэл, тодорхой тоног төхөөрөмж оруулж ирвэл татвараас чөлөөлнө гэж тусгасан хэрнээ Татварын хуульд чөлөөлөх нь эргэлзээтэйгээр тусгасан байна. Биднийг 2016 онд гишүүн болоход Монгол Улсын хилийн тухай хууль орж ирсэн. Монгол Улсын хилийн цэргийг хилээс нааш 100 метрээр татна гэсэн байсан. Үүн дээр маш их маргаж байсныг тод санаж байна. Уг чанартаа хилийн цэрэг хилээ хамгаалахгүй, цагдаагаар хамгаалуулъя гэсэн санаа байсан. Энэ мэт юунд зориулагдаж буй нь тодорхойгүй хуулиуд байдаг. Гишүүд хуулийг маш анхааралтай авч үзэж, нухацтай хандах хэрэгтэй.Хоёр танхимтай болбол дээд танхим нь хуулиар мэргэшсэн гишүүдээс бүрдэх ёстой гэж байгаагийн шалтгаан нь энэ юм. Мэргэшсэн гишүүд хууль батлахдаа далд утга илэрхийлээгүй, нэг мөр ойлголттой байна гэх зэргээр нухацтай авч үзэх болно.

УИХ-ын гишүүд хууль санаачилж, батлах ёстой. Гэтэл жижиг тойрогт УИХ-ын гишүүн аж ахуйн алба хийдэг, хөөцөлддөг, хөрөнгө мөнгө улсын төсөвт тусгуулгах гэж их ажил болдог. Мөн Байнгын хороодын хурал, Ажлын хэсгийн хурал өдөр бүр болно. Ойрмогхон тойрогтоо очих ч хэрэгтэй болно. Хууль боловсруулах, судлах, санаачлах ажлаа хийх үү, дүүрэг хорооны ажлыг хийгээд байх уу гэдгийг бодох л хэрэгтэй. Одоогийн сонгуульд мажоритар систем зөрчилтэй гэж үзэж болно.

-УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох нь зөв үү?

-Зөв. МАН 2016 онд ялалт байгуулаад эхний хоёр жилд эдийн засгийг тогтворжуулахын төлөө ажилласан. Улмаар эдийн засгийн хямрал тэг түвшинд очиж, түр хугацаагаар зогссон үед гишүүд тойрогтоо ажиллаж эхэлсэн. Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг яаравчлуулж, ажил хэрэг болголоо. Энэ мэтээр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд эхэлж байвал бүрэн эрхийн хугацаа дуусдаг. Хоёр жилийн өмнө эхэлсэн цэцэрлэг одоо хэр нь ашиглалтад ороогүй байна. Төлөвлөгдөнө, тендер зарлагдана, санхүүжилт нь орно гээд маш олон шат дамжлагатай байна. Тендер зарлагдах процесс л гэхэд бүтэн нэг жил үргэлжилж байна. Тендерийн процесс маш хүнд сурталтай байна. Үүнийг сууриар нь өөрчилмөөр байгаа юм. Улсын хөрөнгийг мэдээж хяналттай зөв зарцуулж, хамгийн чанартай гүйцэтгэдэг байгууллагууд гүйцэтгэх ёстой. Гэхдээ тендерийн хяналттай байна гэснийг далимдуулаад улам хүндрэлтэй болгочихож. Хүнд сурталтай, луйврын байдал их ажиглагдах болжээ. Тендерийг шударга хөдөлмөрлөдөг ААН-үүд авч чадахгүй байхад араасаа дэмжлэгтэй хэн нэг эрх мэдэлтний компани л түүнийг авч байна. Эрх мэдэлтэн тэр шат дамжлагаар ямар ч саадгүй ордог. Гэсэн хэрнээ тендерээ авчихаад ажлаа гүйцэтгэдэггүй. Төсөв нь бага байна гэж заргалдаад ажлаа дуусгахгүй олон жил болдог. СХД 30 дугаар хорооны “Хилчин хотхон”-ы бохир, цэвэр ус, дулааны шугамыг засварлах тендерт өрсөлдөөд таван тэрбум төгрөг авчихаад хийгээгүй компани ч байна. Ийм харамсалтай зүйлд хэлэх ч үг олдохгүй юм. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт нийгмийн үйлчилгээний барилгын ажлыг чанаргүй гүйцэтгэдэг компаниуд олон байна. Нөгөө талдаа чанартай гүйцэтгэдэг компаниудад боломж олддоггүй. Өмнө нь цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муу байсан асуудал эднээс үүдэлтэй. Мөнгийг нь төсөвлөчихсөн, төлөвлөгдсөн ажил явахгүй байна гэдэг сэтгэл байхгүй, хяналтгүй байдлаас үүдэж байгаа. Ийм зүйл манайд шат шатандаа байна. Энэ мэт зүйлсэд маш их хугацаа орж байна гэдгийг онцлох нь зүйтэй болов уу.

-Төрийн албыг хариуцлагажуулах зохицуулалт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан байсан?

-Тийм. Төрийн албыг зохицуулах, хариуцлагажуулах хэрэгтэй. Бид төрийн албыг багагүй дархлаажуулчихсан. Хэдий дархлаажуулсан ч хариуцлагын асуудлыг яриагүй. Одоо үүнийг ярих хэрэгтэй.

-Ерөнхийлөгч намуудын гишүүнчлэл 50 мянгаас доошгүй байх ёстой гэжээ. Энэ нь шинээр нам үүсэх боломжийг хааж байна гэх юм. Та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ их бодох ёстой асуудал. Би Ерөнхийлөгчийн санааг ойлгож байна. Учир нь манай улсад нам гэдэг үндэстэн бий болчихсон. Ардын нам, Ардчилсан нам гэдэг үндэстэн. Үүнээс үүдэж ах, дүү нар хүртэл нэгэндээ намчирхаж хандаж байна. Үүнд нуух зүйл байхгүй. Бид үзэл суртлаараа хуваагдчихаад байна. Цөөхүүлээ бидэнд энэ маш харамсалтай зүйл юм. Энэ үүднээсээ Ерөнхийлөгчийн зөв. Нөгөө талаасаа нам гэдэг байгууллага үүсэн тогтнохдоо үзэл бодол, үйл хэргээрээ нэгддэг. Энэ нийгмийг ингэж хөгжүүлье гэсэн өөрсдийн үзэл сурталтай хэсэг бүлэг хүмүүс юм. Тэгэхээр үзэл суртлаараа нэгдэж буй хүмүүст тоо тогтоох хэцүү. Үүнийг бид хэлэлцэх хэрэгтэй. Ард иргэд юу гэж харж байгааг харгалзах хэрэгтэй. Нэг үе олон ургальч үзэл сайн гэж байсан. Одоо дэндүү их ургальч үзэл саад болж байна. Нэг нь гарч ирээд нөгөө хүнийхээ бодлогыг нураана. Ялангуяа манайд сүүлийн 20 гаруй жилд анархизм хүчтэй явагдлаа. Ард иргэдийн зүгээс ардчилсан бус авлигажсан нийгэм бий боллоо гэж харж байна. Олон ургальч үзэл ийм харамсалтай үр дүнд хүргэж байгаа учраас бид энэ талаар нэгэнт бодох болжээ. Болоогүй байна гээд хойш нь тавих биш бид энэ саналыг маш нухацтай хүлээж авах хэрэгтэй.

-Баялгийн сан байгуулах, байгалийн баялгийг нийтийн өмч болгох зэрэгт та санал нийлэх үү?

-Анх би чуулган дээр Баялгийн сан байгуулъя гэсэн санал гаргаж байсан. Хуучин Үндсэн хууль дээр эдийн засгийн тухай зүйл заалт байгаагүй, одоо ч гэсэн алга гэдгийг хэлсэн. Эдийн засгаа харгалзан үзэж, Баялгийн сантай болох хэрэгтэй. Манайх шиг байгалийн баялагтай улсууд Баялгийн сан байгуулж, хямралд өртөхөөс сэргийлдэг. Мөн тэр сангаараа дамжуулан жижиг дунд үйлдвэрлэл, төслүүдийг дэмждэг. Энэ тухай өмнөх УИХ ч бас олон ярьсан. Норвеги зэрэг улсуудаас ч туршлага судалж байсан. Тэд нэг их наяд еврогийн Баялгийн сан хуримтлуулж чадсан байна. Тус сангийн тусламжтай тэдгээр улсын эдийн засагт ямар нэгэн хэлбэлзэл үүсдэггүй. Манай улсад ийм сан хэрэгтэй. Нэг улс төрийн нам гарч ирээд хэрэгжүүлсэн бодлого нь сөргөөр нөлөөлж, эдийн засаг хямрахаас сэргийлэх хэрэгтэй. Ийм зүйл байхгүйгээс үүдэж өнөөдөр бидний өр улам нэмэгдэж, ААН-үүд дампуурч байна. Энэ бүхэн эрсдэлийн болоод Баялгийн сан байхгүйтэй холбоотой.Ерөнхийлөгч ч бас ийм утгатай санал гаргасан. Бид энэ тухай хэлэлцэнэ. Нэмж хэлэхэд миний хувьд Үндсэн хуульд эдийн засгийн тухай зүйл, заалт заaвал тусгаж өгөх цаг нь болсон гэж үзэж байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүх засаглалыг хараат бус, хариуцлагатай болгохыг зорьж буй талаар хууль санаачлагчид хэлж байгаа. Энэ биеллээ олох болов уу?

-Шударга, үүргээ мэддэг, хариуцлага хүлээлгэх шүүхийн тогтолцоо хэрэгтэй байна. Шүүхийн тогтолцооны асуудлаар иргэдээс маш их санал ирсэн. Санал өгч буй хүн бүр энэ тухай ярьж байлаа. Иргэд ШЕЗ-д УИХ-аас таван хүн орно гэсэн заалтыг төдийлөн сайшаахгүй байна. Учир нь шүүхийн хараат бус байдлыг алдагдуулна гэж үзэж байна.Ард иргэдийн төлөөлөл тав, УИХ-ын төлөөлөл тав, үлдсэн нь арваас дээш жил ажилласан шүүгч байна гэж байгаа. Энэ нь зөв тогтолцоо мэт боловч нөгөө талаараа улс төрийн нөлөөлөл байгаад байх магадлалтай. Тиймээс тав биш гурав болгоё гэх мэтээр санал гарсан.

Ерөнхий шүүгч болон ШЕЗ-ийг 12 жилээр томилогдохыг иргэд огт зөвшөөрөхгүй байна. Хаант засаглал биш учир зургаан жил байхад хангалтай. Энэ санал ард иргэдээс ч, бидний дундаас ч гарсан. Ирсэн саналуудыг харахад ард иргэд уг хуулийн төслийн талаар маш сайн судалжээ.

-Давхар дээлийг бүрэн тайлах нь зөв үү?

-Давхар дээлийн асуудлыг бүр мөсөн халах нь зүйтэй. Ерөнхий сайд ганцаараа давхар дээлтэй байг. Цаана нь хоёрын хооронд дөрвөн хүн гэж зай үлдээх хэрэггүй. Монголын бүх салбарт чадварлаг мэргэжилтнүүд олон бий. Тэднийг сайдаар ажиллуулах боломжтой. Салбар бүрт мэргэжлийн хүн сайд байх хэрэгтэй гэсэн санал иргэдээс их гарч байсан. Тэгэхгүй бол ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлалтай. Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлж, хариуцлагаа ч хүлээх хэрэгтэй. Нэг сайдын өмнөөс нийтээрээ огцордог нь буруу. Иймээс Ерөнхий сайд сонголтоо анхнаасаа маш зөв хийх хэрэгтэй

Categories
мэдээ цаг-үе

О.Машбат: Ерөнхийлөгч оруулж ирсэн төсөлдөө УИХ, Засгийн газар хоёрыг хэрэггүй гэчихэж

– ЭНЭ ТӨСЛИЙГ БИЧСЭН ХҮНД ҮНДСЭН ХУУЛИЙН ТАЛААР ЛЕКЦ УНШМААР САНАГДАЖ БАЙНА-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулахаар нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн барьсан. Уг төслийн талаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах дэд ажлын хэсгийн гишүүн, Үндсэн хууль судлаач О.Машбаттай ярилцлаа.


-УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож байгаа нь зөв үү?

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв. Үүнийг их олон судалгаа харуулдаг. Гэхдээ яг одоо боломжтой эсэхийг хэлж мэдэхгүй байна. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлыг манай баг судалж байсан. Миний мэдэхийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар байгуулагдсан ажлын хэсгүүдээс энэ асуудлыг нэг ч удаа хөндөж байгаагүй. Үүнийг гэнэт гаргаж ирж байгаа. Санаа нь бол зөв. Гэхдээ яг одоо өөрчлөх цаг нь мөн эсэх нь эргэлзээтэй.

-108 гишүүнийхээ 50 хувийг нь нэг мандат бүхий сонгуулийн тойргоос мажоритар, мөн 50 хувийг сонгуулийн нэгдсэн нэг тойргоос пропорциональ тогтолцоогоор сонгоно гэж байна. Энэ нь хэр зөв шийдэл юм бэ?

-Чех хоёр танхимтай парламенттай. Нэг танхим нь мажоритар, нөгөөх нь пропорциональ тогтолцоогоор сонгогддог. Үүнийгээ ч Үндсэн хуульдаа тусгачихсан байдаг. Гэхдээ нэг танхимтай хэрнээ мажоритар тогтолцоогоор сонгууль явуулна гэдгийг би ойлгохгүй байгаа юм. Ямар мажоритар тогтолцоогоор явна гэж оруулсан юм, яг яах гээд байгаа юм гэдгийг нь огт ойлгоогүй. Ерөнхийлөгчийн барьсан төсөл дотроо маш зөрчилтэй, хууль зүйн техникийн талаас маш муу боловсруулсан байна.

-Одоогийн хуулиар 801 иргэн нэгдэж нийлээд нам байгуулах эрхтэй. Үүнийг 50 мянга болгон нэмэгдүүлж байгаа нь ямар үр дагавартай вэ?

-Энэ нь угаасаа боломжгүй зүйл. Зорилго нь шинээр нам байгуулахыг үгүйсгэчихсэн л юм шиг харагдаад байгаа юм. Улс төрийн зорилгын хувьд МАНАН-гийнхаа дэглэмийг хадгалж үлдэнэ л гэсэн үг. Хууль зүйн зохицуулалтын үүднээс үзэхэд энэ зохицуулалтыг Үндсэн хуульд тусгах ямар ч шаардлагагүй. Ийм зохицуулалтыг Үндсэн хуульд тусгасан газар нэг ч байхгүй. Хэдэн хүнээр яаж нам байгуулах асуудлыг ердийн хуулиар зохицуулж болно.

Хүмүүс эвлэлдэн нэгдэх эрхтэй байх ёстой. Нам гэдэг бол хүмүүсийн эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр. Нам бол төрийн бус байгууллага. Бусад төрийн бус байгууллагуудаас онцлог зүйл нь төрийн эрхийг авахын төлөө явж байгаа учраас л хянаж, зохицуулж байх ёстой юм. Гэхдээ хэт өндөр босго тавьж байгаа явдал нь агуулгаараа хүний эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлаж байгаа. Тиймээс үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Одоогийн хууль дахь 801 гэдэг тоо ч хүн амтайгаа харьцуулахад өндөрт тооцогдоно шүү дээ.

-Намууд хувьдаа үнэ бүхий хөрөнгө өмчлөхгүй гэсэн байсан. Энэ тухайд?

-ийм зүйлийг үндсэн хуульд тусгах шаардлагагүй л дээ. Үндсэн хуульд намын асуудлыг гурван янзаар л зохицуулсан байдаг. Намын зорилго, үйл ажиллагааны зарчим, намыг яаж тараах вэ гэсэн гурван зүйлийг л зохицуулдаг. Гэхдээ энэ гурвыг гурвууланг нь Үндсэн хуульдаа тусгасан жишээ бараг байхгүй. Намын зорилго, үйл ажиллагааг ч гэдэг юм уу, хоёр зүйлийг зэрэгцүүлж үндсэн хуульдаа тусгасан жишээ ч цөөн бий. Харин нам тарах нөхцөлийг л үндсэн хуульдаа тусгачихсан байдаг. Намын байр, гишүүний тоо зэрэг хэзээ ч үндсэн хуульд байдаггүй. Байх ч ёсгүй.

-Төв банкны эрх мэдэл дээр нэмээд Санхүүгийн зохицуулах хорооны эрх мэдлийг Монголбанкинд төвлөрүүлэх нь гэж шүүмжлэх хүмүүс байна. Үүнийг тодруулаач?

-үндсэн хуулийн төслийг өргөн барьж эхэлснээс хойш зохицуулах агентлагууд явцуу эрх ашгаар шавах болсон. үндсэн хуулийг өргөн барьснаас хойш Монголбанк өөрийнхөө асуудлыг тусгах гэж оролдсон. хөгжлийн газар бүр ч идэвхийлэн оролцсон. Хоёр, гурван жилийн өмнөөс Аудит, Төрийн албаны зөвлөл яваад байгаа. Товчхондоо энэ хэдэн байгууллага Үндсэн хуулийн байгууллага болно гээд л яваад байгаа. энэ асуудлуудыг үндсэн хуулийн төрийн ерөнхий зохицуулалтын үүднээс үзээд тусгах боломжгүй. Гэтэл өнөөх байгууллагууд нь очоод Ерөнхийлөгчийг лоббидчихсон юм уу, хаашаа юм. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл дээр бүгдээрээ л ороод ирчихсэн байна. ҮАБЗ, Монголбанк тэргүүтэй маш олон байгууллага орчихсон байгаа.

-Эдгээр байгууллагуудыг Үндсэн хуульд тусгах нь сөрөг нөлөөтэй юү?

-энэ байгууллагуудын зарчмуудыг үндсэн хуульд тусгах ёстой. Засгийн газрын бодлого тогтвортой байна, үндэсний хөгжлийн алсын хөтөлбөртэй байна, тэр нь үндэсний зөвшилцөл дээр суурилсан байна гэх мэтээр зарчмуудыг нь тодотгож болно. Түүнээс байгууллага нь байх ёстой гэж зааж өгч болохгүй. Төрийн албаны тогтвортой байдал, аудитын тухай асуудлууд функцээрээ одоогийн Үндсэн хуульд бий. Дахин хэлэхэд тэдгээрийг тодотгох боломжтой. Тодотгож ч байгаа. заавал байгууллага гэдэг үг шургуулах гээд байгаа нь явцуу амбиц.

-Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч гэж заажээ. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Уих-аар яг одоо хэлэлцэгдэж байгаа төсөл дээр 1992 оны заалт хөндөгдөөгүй. Түүнд “Бүх баялаг төрийн өмч байна” гэж заасан байдаг. Дахиад хэлэхэд энэ нь үндсэн хууль учраас байгууллага байгуулах, ашигт малтмалын лицензийг хэрхэн олгох тухай эсвэл гэрээний нөхцөл ийм байх ёстой гэсэн заалтууд орж болохгүй. Байгалийн баялгуудыг хэрхэн ашиглах вэ гэсэн зарчмуудыг л тусгах ёстой. үндсэндээ хоёр зарчим тусгах ёстой юм. Нэгдүгээрт, байгалийн баялаг яаж ашиглах. хоёрдугаарт, ашиглаад гарсан өгөөжийг хэрхэн хуваарилах ёстой вэ гэдгийг л тусгах ёстой. Гэтэл одоо Баялгийн сан гэж байгууллага байх ёстой гэж орж ирээд л байна. Угтаа хүлээж авч болшгүй зүйл байхгүй юу. Одоо бүр сүүлдээ ашгийнх нь тэдэн хувийг төр авна, болино гэж заах юм гэнэ. Үндсэн хуульд битгий хэл хуульд байх ёсгүй, гэрээн дээр л байх ёстой заалтууд ороод ирчихсэн явж байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг үнэхээр муу боловсруулсан байна.

-Гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд ямар заалтууд орж ирсэн бол?

-Өнөөх байгууллагуудын асуудал орж ирсэн. Ер нь Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төслийг үзэхэд УИХ, Засгийн газар хоёр хэрэггүй, үндэсний хөгжлийн газар л хэрэгтэй гэчихсэн. Жишээ нь, Ерөнхий сайд томилогдчихоод мөрийн хөтөлбөр боловсруулах юм байна. Мөрийн хөтөлбөрөө боловсруулчихаад өнөө-хөө эхлээд үАБз-өөс сайшаалгах ёстой. үАБз бүр шийдвэр гаргана гэж байгаа шүү. Мөн үүний дараа Үндэсний хөгжлийн газар өгч сайшаалгах ёстой гэнэ. Тус хоёр байгууллага зөвшөөрвөл сая УИХ руу оруулна. ҮАБЗ, Үндэсний хөгжлийн газар хоёр баталчихсан юм чинь УИХ батлахгүй гээд яах юм. хамгийн аюултай заалт нь энэ.

Бид яагаад Ерөнхий сайдыг Уих-аас, Уих-ыг ард түмнээс сонгодог юм бэ. Уих-д яагаад намууд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлдэг юм бэ. хэсэг бүлэг нөхдүүд улс орноо ингэж хөгжүүлнэ гэсэн санаа гаргаад, түүнийгээ бичээд, тэр нь мөрийн хөтөлбөр болоод ард түмэндээ танилцуулдаг. Түүндээ ард түмний дэмжлэгийг авах гэж оролдож байна. Ард түмний итгэлийг аван Уих-д ялж, олонх болчихлоо. ингээд үзэхээр мөрийн хөтөлбөрийг нь ард түмэн дэмжчихсэн байна гэсэн үг. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд нэг хүнийг үүрэгжүүлж байгаа нь Ерөнхий сайд шүү дээ. Гэтэл ард түмний сайшааж дэмжсэн мөрийн хөтөлбөрийг хүлээж авах эсэхийг яасан гэж ҮАБЗ, үндэсний хөгжлийн газар хоёр шийддэг юм бэ. Яалаа гэж цуцлах, буцаах, няцаах эрхийг энэ хоёр байгууллагад өгөх ёстой гэж. Ард түмнээс мандат аваагүй энэ хоёр газарт хэн тэр эрхийг өгсөн юм бэ. Ардчилал гээч зүйл чинь алга болох гээд байна шүү дээ. зүй нь бол үАБз, үндэсний хөгжлийн газар хоёр намдаа мөрийн хөтөлбөр боловсруулахад нь туслах ёстой. Түүнээс ард түмнээс сайшаагдсан төслийг алга болгох эрхгүй.

-Төрийн албан хаагчийг хариуцлагажуулах асуудалд санал гаргасан уу?

-Өргөн барьсан хуулийн төсөлд төрийн албанд тавигдах шаардлага, зарчмыг тусгачихсан. харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд тэдгээр бүх заалтыг ганцхан Төрийн нарийн бичигт хамаатай байхаар оруулчихсан. Тэгэхээр бусад төрийн албан хаагчид хамгаалалтгүй байх ёстой юм уу. Мөн Төрийн нарийн бичгийг арван жилийн хугацаатай сонгоно гэчихэж. энэ нь хэт явцуу болсон байна.

Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг шууд гардан хэрэгжүүлдэг хүмүүсийг заадаг. Эсвэл тэр төрийн эрх мэдлийг биечлэн зохион байгуулдаг хүмүүсийг зоодог. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, Ерөнхий прокурор зэрэг үүнд багтана. Тиймдээ ч тэдний үйл ажиллагаа Цэцийн хяналтад байдаг. Харин Төрийн нарийн бичиг төрийн эрх мэдлийг гардан хэрэгжүүлдэггүй, төрийн эрх мэдлийг биечлэн хэрэгжүүлдэггүй. Харин хуулийн хэрэгжилтийг Засгийн газрын чиглэлийн дагуу л байгуулдаг шүү дээ. Бид төрийн албаны зарчмыг тавьж байгаа болохоос нэг албан тушаалтанд зориулсан зарчим огт тавиагүй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчийн хариуцлагын зөвлөл байгуулахаар тусгагдсан. Гэтэл Ерөнхийлөгч Шүүхийн сахилгын хороог байгуулна гэж байна. Ялгаа нь юу юм бэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл арваад жил яригдсан. Энэ хугацаанд шүүгчийн хараат бус, хариуцлагатай байдлыг хангахыг гол зорилгоо болгосон нь мэдээж. шүүхийн ерөнхий зөвлөл, шүүгчийн хариуцлагын зөвлөлийг Ерөнхийлөгчөөсөө хараат бус байлгах ёстой. Харин шүүгчдээ мэргэжлийн хариуцлагыг тооцох ёстой юм. Шүүхийн сахилгын хороог яаж байгуулах, ямар бүрэлдэхүүнтэй байх, хэрхэн бие даан үйл ажиллагаа явуулах эсэхийг огт заагаагүй байна лээ.

-Иргэдийн хурал нь зөвшөөрөхгүй байсан ч аймаг, хот байгуулах, хил хязгаар тогтоохыг УИХ шийднэ гэж байгаа нь хэр зөв юм бэ?

-Нэгдмэл улсын тогтолцоогоороо тэр санаа нь зөв юм. Монгол Улс нэгдмэл улс учраас үүнийг төр нь өөрөө шийдэх учиртай. Нутаг, дэвсгэр дээр амьдарч байгаа хүмүүс өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлж болно. Тэр нь нэгдмэл бус учраас төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр болоод хууль журамд нь харшлахгүйгээр орон нутгийнхаа асуудлыг зохицуулах эрхтэй байх ёстой. Энэ агуулгаараа зөв санаа гэж харж байгаа. Гэхдээ энэ нь ард нийтийн санал асуулгаар дэмжигдэнэ гэдэгт эргэлзэж байна. Үндсэн хуулийн төсөл зөвхөн энэ заалтаасаа болоод уначихаж магадгүй.

Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр Засаг захиргааны нэгж хоёр шатлалтай байна гэж бий. Тэр нь аймаг, сум, эсвэл нийслэл, дүүрэг гэсэн хоёр шатлал. Гэтэл одоо нийслэл юунд хуваарилагдах нь тун ойлгомжгүй. Тодруулбал, аймаг, хот, нийслэлд хуваагдана гэж байгаа. Аймаг нь суманд, хот нь дүүрэгт. Тийм хэрнээ нийслэл нь хотод хуваагдана гэчихсэн. Хатуухан хэлэхэд энэ төслийг бичсэн хүнд Үндсэн хууль гэж ийм зүйл байдаг юм гэж лекц уншмаар санагдаж байна.

-Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл энэ чигээрээ дэмжигдчих вий гэх болгоомжлол Үндсэн хууль судлаачид, зарим иргэдийн дунд байна л даа. Энэ тухайд?

-Би өөрөө Үндсэн хуулийн эрхзүйг оюутан байхаасаа хойш судалж байна. Энэ чиглэлээр хоёр ч ном гаргаж байсан. Үндсэн хууль өөрөө улс төрийг зохицуулж байдаг зүйл. Энэ утгаараа улс төрийг ч судалдаг, багшилж байсан. Үндсэн хууль, улстөр судалдаг хүний хувьд хэлэхэд Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөс энэ нь арай дөнгүүр юм даа гээд оруулчих зүйл алга. Яахав зарим нэг зүйлийн санааг нь авч болох л юм. Түүнээс зүйл, заалтаар нь хүлээж авах нэг ч зүйл байхгүй. Үүнийг батлах хүмүүс нь энэ төслийг боловсруулсан хүнээс хэр боловсролтой байхыг би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бид тэдэнд найдахаас өөр арга байхгүй.

Үндсэн хуулийг судалж эрдэм шинжилгээний бүтээл туурвисан, ном бичсэн, манайхны хэлдгээр “Үндсэн хууль мөлжиж амьдардаг” 17 хүн л бий. Тэр хүмүүс өнгөрсөн 10 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар саналаа нийлүүлж байж энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан. Тиймээс УИХ-д ажлын хэсгээс өргөн барьсан энэ төсөл 10 жилийн турш ус, тосоо шахуулчихсан, чамбайрчихсан. Ерөнхийлөгчийн энэ төслийг боловсруулсныг харахад тэр 17 хүнээс хэн нь ч оролцоогүй байна.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Ганбаатар: Үндсэн хуульд эдийн засаг, бизнесийн орчинг дэмжье гэсэн заалт оруулах хэрэгтэй


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ямар байр суурьтай байгаа вэ?

-УиХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаа. Миний хувьд тодорхой саналуудыг хоёрдугаар сараас эхлэн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, болон ажлын хэсгийн бусад гишүүдэд илэрхийлж байгаа. Бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УиХ-ын гишүүд, цэцийн гишүүд, шүүгчдийг яаж сонгох вэ гэж тогтолцооны асуудлуудыг олон талаас нь сайн ярьж чадаж байна. Үүнд онц маргаад байх зүйл алга байна. Эдгээр өөрчлөлтүүдийг хийх нь зүйн хэрэг. яахав, бид тогтолцоог 1992 оноос хойш олон байдлаар туршиж үзлээ. Тогтолцоо өөрчлөгдсөнөөрөө амьдрал сайн сайхан болчихгүй, ард иргэд ядуурлаас гарч, улс орны хөгжил урагшилчихгүй л дээ. Миний хувьд хувийн хэвшлийнхнийг яаж төрийн олон мянган дарамтаас хамгаалах вэ гэж л их бодож байна.

-Ямар саналуудыг гаргасан бэ?

-Одоогийн Үндсэн хуульд эдийн засгийг төр зохицуулна гэсэн заалт бий. Үүн дээр нэмээд төр эдийн засгийн харилцааг дэмжинэ гэсэн тодорхой өгүүлбэр байх ёстой гэсэн санааг би илэрхийлж байгаа юм. Үүний хүрээнд органик хуулиудад тодорхой өөрчлөлтүүдийг оруулж, эдийн засаг бизнесийн орчинг дэмжих ёстой.

-Тус саналуудын ач холбогдлыг та юу гэж харж байна вэ?

-Улс төр бүх салбарт хэт хамааралтай байна. Энэ саналын гол үүрэг нь хэн дуртай хүн, байгууллага бизнес эрхлэгчдийг дарамтлахаас хамгаалахад оршино. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар гэх мэт маш гоё нэртэй байгууллагууд байгуулагдаад хөдөлмөрлөөд явж байгаа хэдийгээ татварын бус дарамтын хэлбэрээр зулгааж байна. Бизнес хийхээр хичээж явсан нэгэн арга ядаад гадаадад ажиллахыг эсвэл төрийн байгууллагад жолооч ч хамаагүй хийхийг илүүд үзэж байна. ийм байдалд бид улс орны хөгжил гэж ярих боломжгүй. Байгалийн баялгаа булаацалдсан хэдэн хүмүүс л байна. Уг нь бүгд хөдөлмөрлөөд байвал улс орны эдийн засаг өнөөдрийн байгаа хэмжээнээсээ нэмэгдэж, тэлэх бүрэн боломжтой. Финлянд гэхэд 190 тэрбум евро бүхий маш том эдийн засагтай. Эстон улс манайхаас хүн ам багатай ч эдийн засаг нь гурав, дөрөв дахин том. Тэгэхэд бид чөтгөрийн тойрогтоо л, байгалийн баялаг оллоо гэвэл тэрийг би авна гэж булаацалдаад л. Тиймээс бид эдийн засаг, бизнесийн орчинг дэмжье гэсэн заалт оруулах хэрэгтэй. Тэгж гэмээнэ бидний ирээдүйг олон зүйлээс аварна гэж үзэж байгаа юм. Бид хичээгээд бизнес эрхлэгчдийг дарамталж буй бүгдэд хяналт тавьж чадахгүй. Хэрвээ Үндсэн хуульдаа тусгаад өгчихвөл Үндсэн хуулийн Цэцэд хандаж зогсоох боломжтой. Үүнийг л би хэлээд байгаа юм.

Эдийн засгийн байнгын хорооны гишүүд ч үүнийг онцолж байгаа.

-Таны энэ саналыг байнгын хороодын хурлаар дэмжсэн үү?

-Миний саналыг аль ч байнгын хороо дэмжээгүй. Байнгын хорооны хурлаар саналыг гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгтэйгээр хэлэлцэхээр байсан. Нэг хүн дэмжихгүй байхад л саналууд унасан. Гишүүд картаа уншуулчихаад гарах тохиолдол бий. Арван гишүүний гурав нь картаа хийгээд гараад явчихвал долоон гишүүн үлдээд санал өгсөн ч санал дэмжигдэхгүй байгаа. Гуравны хоёроор нь дэмжигдэх ёстой учир нэг л хүн дэмжихгүй бол санал унана. Үндсэн хуулийг хэлэлцэх дэг нь бусад хуулиас өөр байна шүү дээ. Бусад хуулиудад арван хүний зургаа нь дэмжихэд хангалттай байсан бол одоо найман хүн дарж байж дэмжигдэх өндөр босготой байгаа. Энэ нь нэг талаараа нэмэлт санал оруулахгүй гэсэн санаа л даа.

Сайн дарга сонгогдвол, Засгийн газар тогтвортой байвал эдийн засаг, бизнесийн орчин сайжирна гэж надад тайлбарлаад байгаа л даа. Гэхдээ үүнийгээ хоёр үгээр ч болтугай Үндсэн хуульд тусгачих хэрэгтэй байгаа юм. Муу Засгийн газар тогтвортой ажиллачихвал тун эвгүй шүү дээ.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өнөөдөр УИХ нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэнэ. Гишүүдээс гарсан зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэж хэлэлцэх нь мэдээж. Баяр наадам, амралт давхацсан энэ үед ард иргэдийн мэдээгүй, хүсээгүй заалтуудыг оруулчихвий гэх болгоомжлол байна л даа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд саналууд гарч байгаа учраас өнөөдрийн хэлэлцэж байгаагаасаа өөрчлөгдөх боломж байхгүй. Тэр бол хэтэрхий хардаж байгаа хэрэг гэсэн үг л дээ. Ер нь ч тэгээд ард түмнээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэх саналыг УИХ-ын дийлэнх гишүүд гаргаж байгаа. Гэхдээ ард түмнээс ерөнхий асуулт асууж магадгүй юм шиг байна лээ. Үндсэн хуульд орж буй нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа юу, үгүй юү гэх мэтээр асуух бололтой. Нэгдүгээр хэлэлцүүлгийн дараа гишүүд тойргууддаа ажилласан. Баянгол дүүрэгт УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, А.Ундраа болон миний бие ажиллалаа. Бүх хороогоороо явсан. Дараа нь нэгдсэн уулзалтуудыг Үйлдвэрчний соёлын төв ордонд хийсэн. Ард иргэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байна. Иргэдийн зүгээс Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгох нь зөв гэдэг байсан бол одоо буруу гэж байна. Үг хэлж хэлж байгаа иргэдийн 90-ээд хувь тийм саналтай байна лээ шүү. Энэ нь иргэд олон шатны сонгуулиудаас залхжээ гэдгийг л харуулж байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр аймаг, нийслэлийн сонгуулийг хийхгүй гэж байгаа нь тун сайшаалтай.

-Хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох зохицуулалт орж байгаа. Энэ нь хэр зөв шийдвэр юм бэ?

-Аймаг, дүүргийн хот болох боломжийг нээж өгч байгаа. Бусад улс орнуудад хотуудын санхүүжилтийг газрын болоод үл хөдлөх хөрөнгийн төлбөр бүрдүүлдэг. Орон нутгийн үйлчилгээний газрууд нь ч тусдаа такстай байдаг. Энэ бүрээс хотын татварт нь тодорхой хэмжээний хөрөнгө цугладаг. Ийм тогтолцоо бий болсон тонхиолдолд хотууд бий болох нь зөв. Харин улсаас үргэлж татаастай байх юм бол тун бэрх. Хот болсноор төрийн байгуулалтын бүтэц, зарлага нэмэгдэх нь ойлгомжтой шүү дээ.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийг улс төрөөс хараат бус болгоно гэж буй. Энэ өөрчлөлтийг хийж чадах уу?

-Шүүх засаглал, УИХ-ын гишүүдийн хариуцлага, гүйцэтгэх засаглалын эрх мэдэл, Ерөнхийлөгчтэй холбоотой заалтуудыг би 100 хувь дэмжиж байгаа. Яахав иргэдийн зүгээс шүүгчид, Цэцийн гишүүдийн ажиллах хугацааг хэт урт байна гэдгийг хэлж байгаа юм.

-Төсөв хэлэлцэх үед УИХ Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зарлагын шинэ төрөл нэмэхгүй байхаар хуулийн төсөлд тусгагдсан. Уг зохицуулалттай холбоотой гишүүд янз бүрийн л байр суурь илэрхийлж байна. Таны хувьд?

-Төсөв батлах нь УИХ-ын гишүүдийн нэн тэргүүний эрх. Тус саналыг М.Энхболд гишүүн гаргасан шиг санаж байна. Энэ асуудлыг олон талаас нь их л сайн бодох ёстой.

-Гүйцэтгэх засаглалыг тогтвортой болгох хүрээнд цөөнгүй зохицуулалтууд орохоор байгаа. Энэ тухайд?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар Ерөнхий сайд маш өндөр дархлаатай болох нь. Ерөнхий сайдыг огцруулахаар бол дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хамтад нь оруулж ирэхээр байгаа юм. Намын дарга хүн Ерөнхий сайд болдог. Намын дарга өөрийгөө огцруулахаар намын хурлаа хийнэ гэж байх уу. Миний бодлоор лав ийм зүйл байхгүй. Байхгүй гэж үзсэн учраас энэ зохицуулалтыг хийсэн байх. Энэ нь бараг зөв байх. Нэг сонгогдсон Ерөнхий сайд нь бүрэн эрхийнхээ хугацаанд ажиллах боломж бүрдэнэ.

-Давхар дээлийг бүрэн тайлах нь зөв гэдэг саналыг зарим УИХ-ын гишүүд гаргасан байна лээ.

-Давхар дээлийг нэг мөсөн тайлах нь зөв гэж боддог. УИХ-ын гишүүд давхар дзээлгүй байна гээд Үндсэн хуульдаа тусгачихвал УИХ-д янз бүрийн аргаар орж ирж, сайн, муу зүйлүүд хийдэг хүмүүсийн тоо ч цөөрнө байх. Тиймээс энэ саналыг миний хувьд дэмжинэ. Харин Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байх хэрэгтэй. Тэрээр хуралдаандаа оролцоод хийсэн ажлууддаа тайлбар өгөх нь зөв. Ерөнхий сайд нь УИХ дотор юу болж байгааг мэдэхгүй, бичгээр харьцаад байж болохгүй.

-Энэхүү Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар хамгийн багадаа 20, түүнээс цаашхи хугацаанд манай улсын нийгэм, эдийн засгийг зөв зүйтэй зохицуулж чадах уу?

-Хөгжингүй улс орнуудад хуулийг нэг мөр ойлгодог. Би гэдэг ойлголтоо авчихсан, төлөвшчихсөн гэсэн үг. Бид ч гэсэн нэгэнт л энэ хуулиа баталсан бол нэг мөр ойлгох ёстой. Улс орон хөгжихгүй байгаа нь Үндсэн хуулийн буруу биш. Түүн дээр байгаа үг, өгүүлбэрийг мушгин гуйвуулдаг, буруу тийш нь залдаг, хуулийг өөрийнхөөрөө тайлбарладагтай холбоотой. Ийм байж болохгүй л дээ. Манай улсад хууль хангалттай байна. Харин үүнийг гүйцэтгэх, биелүүлэх нь хамгийн чухал.


Categories
мэдээ цаг-үе

О.Мөнхсайхан: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүх бүхэлдээ нэг хүнээс хараат байдгийг болиулж “шударга бусын хонгил”-ыг нураана

-АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЗАРИМ ХҮМҮҮС ӨӨРСДИЙГӨӨ ХЭЛМЭГДСЭН МЭТ МЭДЭГДЭЛ ХИЙЖ “АРД АЮУШ”-ЫН ДҮРД ХУВИРАХЫГ ОРОЛДОЖ БАЙНА-

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой дэд хэсгийн ахлагч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.


-Шүүхийн шинэчлэл гэж өмнөх Ерөнхийлөгчийн үед хүчтэй ярьж байсан. Одоо ч шүүхийг тойрсон шүүмжлэл тасрахгүй байна. Уг шинэчлэлийн үр дүн ямар байна?

-1992 оны Үндсэн хуулиар хараат бус, шударга шүүх эрх мэдлийг бэхжүүлэх замаар хүн бүрийн эрх, эрх чөлөөний баталгааг хангахыг зорьсон. Шүүгч нь хүний амьдралын хамгийн чухал асуудлын хувь заяаг эцэслэн шийдвэрлэхдээ маргагч талуудын хэн нь эрх мэдэлтэй, мөнгөтэй, танил талтай вэ гэдгээр бус, харин хэнд нь илүү нотлох баримт, хууль зүйн үндэслэл байна вэ гэдгээр нь шийдвэрлэнэ гэсэн үг. Өнгөрсөн 27 жилд шүүхийн шинэчлэл үе шаттайгаар хийгдэж ирсэн. Сүүлийн 10 жилд жирийн иргэдийн шүүхэд итгэх итгэл тодорхой хэмжээгээр нэмэгдсэн талаарх Сант маралын судалгаа байна. Мөн Монгол Улс адил гараанаас гарсан буюу доогуур дундаж орлоготой бусад 30 улстай харьцуулахад эхний гуравт багтаж байна. Гэвч бизнес эрхлэгчдээс авсан асуулгаар шүүх хараат бусаар ажиллаж чадахгүй хэвээр байхаас гадна Дэлхийн өрсөлдөх чадварын индекс дэх үзүүлэлтээр 140 улсаас 113-т жагсаж сүүл мушгиж байна. Олон нийтийн анхаарал татсан хэргүүдийг хянан шийдвэрлэж буй байдал ч зарим талаар эргэлзээ төрүүлж байна. Эдгээрийг нэгтгэн дүгнэж хэлбэл, жирийн иргэдтэй холбоотой хэргийг шийдвэрлэхэд ахиц дэвшил байгаа ч ихээхэн мөнгөн дүнтэй эсхүл улс төрийн том ашиг сонирхол хөндсөн хэргүүдийг шүүх шударгаар шийдвэрлэж буй эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байсаар байна. Хэрэг маргааныг шударга бусаар шийдвэрлэх энэ эрсдэлийг “шударга бусын хонгил” гэж хэлээд байгаа юм. Үүнийг далимдуулж авлигын гэмт хэрэг үйлдсэн зарим хүмүүс өөрсдийгөө хэлмэгдсэн мэт мэдэгдэл хийж иргэдийн дунд “Ард Аюуш”-ын дүрд хувирахыг оролдож байна. Энэ мэтэд бодитой хандаж, ялгаж зааглаад шударга бусын хонгил үүсэх эрсдэлийн шалтгааныг тодорхойлох, гарц шийдлийг олох нь юу юунаас чухал байна.

-Шударга бусын хонгил яаж үүсээд байгаа юм бол?

-Манай Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасанчлан Засгийн газарт чиглэл өгөх, ҮАБЗ-ийг тэргүүлэх, улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг УИХ-тай зөвшилцөж томилох гэх мэт гүйцэтгэх эрх мэдэл рүү орсон бүрэн эрхүүдтэй. Хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд ч хууль санаачлах, хориг тавих гэх мэт бүрэн эрх бий. Мөн Монгол Улсын бүх шүүхийн шүүгчийг, мөн Дээд шүүхийн шүүгчдийн нэр дэвшүүлсэн шүүгчийг ерөнхий шүүгчээр нь томилдог. Гэтэл Үндсэн хуульд байхгүй маш олон бүрэн эрхийг 2000 оноос хойш үе үеийн Ерөнхийлөгчийн үед нэмж, хуулиар баталгаажуулсан ч буцаагаад хасаж чаддаггүй. Тухайлбал, Ерөнхийлөгч П.Очирбатын үед бүх шүүхийн ерөнхий шүүгчийг томилох, Ерөнхийлөгч Н.Багабандийн үед Хүний эрхийн үндэсний комиссын гурван гишүүний нэгийг нэр дэвшүүлэх, Шүүхийн ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг томилох, Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед АТГ-ын дарга, дэд дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг нэр дэвшүүлэх, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед шүүгчдийг шилж олох үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, бүх гишүүнийг томилох бүрэн эрхийг Төрийн тэргүүнд тус тус хуулиар олгосон. Ерөнхийлөгч Х.Баттулга ч шүүхэд нөлөөлөх эрх мэдлээ нэмэгдүүлээд амжсан. 2019 оны хавар Ерөнхийлөгчийн тэргүүлдэг ҮАБЗ-өөс үндэслэл огт дурдахгүйгээр зөвлөмж гаргахад Монгол Улсын ямар ч шүүгчийг түдгэлзүүлэх, аль ч шүүхийн ерөнхий шүүгч төдийгүй улсын ерөнхий прокурор, түүний орлогч, АТГ-ын дарга, дэд даргыг огцруулах боломж бүрдсэн. Энэ хуулиар хариуцлага алдсан шүүгч, бусад албан тушаалтныг түдгэлзүүлж болох ч шударгаар, хараат бусаар ажиллаж буй шүүгчид “хэлмэгдэх,” үүнийг урвуулан ашиглаж нөлөөлөх эрсдэл үүссэн. 1992 онд Ерөнхийлөгч шүүгчийг зөвхөн томилдог байдаг бол одоо тэднийг сонгон шалгаруулах, түдгэлзүүлэх, хариуцлага тооцоход нөлөөлөхүйц эрх мэдэлтэй болчихжээ. Ерөнхийлөгчид Үндсэн хуульд заагаагүй маш олон бүрэн эрхийг хуулиар нэмээд өгчихсөн нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг ноцтой алдагдуулах болсон.

-Нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Ерөнхийлөгчид овоолсон эрх мэдлийг задлах уу?

-Одоогийн энэ өөрчлөлтөд Үндсэн хуульд заасан үндсэн бүрэн эрхийнх нь хүрээнд Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрх хуулиар олгож болно гэж бичжээ. Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ л хэрэгжүүлдэг болно. Үндсэн хуульд заагаагүй ч хуулиар олгосон бусад бүрэн эрхийг нь хасна. Шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэлийг хаах олон заалт төсөлд тусгагдсан. Тодруулбал, шүүгчид тавигдах шаардлагыг өндөрсгөх, шүүгчийн томилгоог улс төрөөс хараат бус болгох, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх агуулга төсөлд тусгагдсан. Тэгэхээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр шүүх бүхэлдээ нэг хүнээс хараат байдгийг болиулж “шударга бусын хонгил”-ыг нураана

-Шүүгчид тавигдах шаардлагыг өндөрсгөх, томилох бүрэн эрхийг тодорхой болгох өөрчлөлт яагаад оруулах болов?

-Шүүгчийн томилгоонд улс төрийн нөлөө ордог гэх шүүмжлэл гарч ирсэн. Өнгөрсөн 27 жилд үе үеийн Ерөнхийлөгчид ШЕЗ-өөс шилж олоод нэр дэвшүүлсэн хуульчийг ямар ч үндэслэл хэлэлгүйгээр шүүгчээр томилохоос татгалзаж байсан. Үүнд улс төрийн шалтгаан байсан гэж харддаг. Мөн урвуулан ашигласан тохиолдол ч гарсан. 2013, 2015 онуудад шүүхийг шинээр зохион байгуулах үед шүүхийн нэр, бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүхийн бүх шүүгчдийг чөлөөлж томилох саналыг ШЕЗ гаргасан. Бүгдийг нь чөлөөлсний дараа буцаагаад томилох ёстой байсан ч нийт 13 шүүгчийг томилоогүй орхичихсон нь шүүгчийн хараат бус байдалд халдсан явдал болсон. Эдгээр шүүгчид янз бүрийн алдаа дутагдал гаргасан тул томилоогүй гэх тайлбарыг хожим хийсэн нь үндэслэл муутай. Үнэхээр ёс зүйн зөрчил гаргасан бол Шүүхийн ёс зүйн хороонд, авлигын асуудал байсан бол АТГ-д тус тус шилжүүлэн шалгуулах ёстой байсан.

Тиймээс, шүүгчид тавих шалгуурыг өндөрсгөх, томилгооны журмыг тодруулах нь зөв гэж үзсэн. Төсөлд Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн хүнийг томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, 40 хүрсэн иргэнийг томилно гэж байгаа. Шүүгчид тавигдах бусад нарийвчилсан шаардлагыг хуулиар тогтооно. Энэ шалгуурыг хангасан нэр дэвшигчийг шүүгчээр томилох шийдвэрийг ШЕЗ гаргана. Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш хорин нэг хоногийн дотор батламжлах ёстой. Үнэхээр Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзаж болно. Гэхдээ заавал үндэслэлээ нийтэд тайлбарлах ёстой. Харин хамгийн маргаантай хэргийг хяналтын журмаар шийдэж эцэслэдэг, хуулийг тайлбарлан хөгжүүлэх гол чиг үүргийг хэрэгжүүлдэг гэдэг утгаар нь Улсын дээд шүүхийн шүүгчийг арван хоёр жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилох, ингэхдээ ШЕЗ томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

-Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг томилох шийдвэр гаргахаар болжээ. Тэгвэл энэ зөвлөлийн талаар ямар зохицуулалт орж байна вэ?

-Үндсэн хуулиар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилгоор шүүгчдийг хуульчдаас шилж олох зэрэг ажлыг эрхэлдэг Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулсан. Гэвч энэ чухал байгууллагын бүрэлдэхүүн, томилох журмыг Үндсэн хуульд заагаагүйгээс УИХ дахь олонхын үзэмжид хаягдсан.Улмаар ШЕЗ-ийн гишүүдийг гурван шатны шүүхийн шүүгч тус бүр нэг, Хуульчдын холбоо нэг, хууль зүйн яам нэгийг тус тус нэр дэвшүүлдэг ч бүгдийг нь Ерөнхийлөгч томилдог болсон. ШЕЗ-ийн гишүүд дотроосоо даргыг нь нэр дэвшүүлдэг ч мөн л Ерөнхийлөгч томилдог болчихсон. ШЕЗ тавхан гишүүнтэй болсноор хоёр гуравхан хүн шүүхтэй холбоотой чухал шийдвэрийг хаалттай хүрээнд гаргахад хүрсэн. Ерөнхийдөө 27 жил ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг байн байн өөрчилж залгамж чанар, тогтвортой байдлыг нь алдагдуулж байсан төдийгүй янз бүрийн байдлаар аль нэг талаас зүй бусаар нөлөөлөх боломжтой байдлаар хуулиар өөрчилж урвуулан ашиглах эрсдэлийг үүсгэж ирсэн. 1991 онд НҮБ-ийн шинжээчид Монгол Улсад өгсөн зөвлөмждөө шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, түүнийг томилох журмыг Үндсэн хуульдаа зааж өгөхгүй бол шүүхийн хараат бус байдал бэхжиж чадахгүй шүү гэж хэлж байсан нь үнэн байсныг бид амьдралаараа туулж хохирлыг нь амслаа.

Франц, Итали, Испани зэрэг улсад шүүхийн зөвлөлийн бүрэлдэхүүнээ Үндсэн хуульдаа тусгаж царцаадаг. Тиймээс, Шүүхийн ерөнхий зөвлөлийг яаж бүрдүүлэх талаар Үндсэн хуульд оруулахаар төсөлд заасан. ШЕЗ нь арван гишүүнтэй байна. Гишүүд дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллана. ШЕЗ-ийн даргыг гишүүд дотроосоо сонгохоор заасан нь мөн л бие даасан байлгахад зориулагдсан. Арван гишүүний тав нь шүүгч байхаар төсөлд тусгасан. Энэ нь ШЕЗ дахь улс төрийн зүй бус нөлөөллийг сааруулж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын нэг баталгаа. Үлдсэн таван гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан хүмүүс буюу шүүгч биш байна. Мэргэжлийн өөр ажил эрхэлдэг гишүүдийг оруулж буй нь шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх, тал талын төлөөллийг хангах зорилготой. Ард түмнээс сонгогдсон төлөөллийн байгууллага болох УИХ шүүгч биш таван гишүүнийг томилно. ШЕЗ дэх шүүгч бус таван гишүүнийг УИХ томилж байгаа нь эрх мэдлийг хуваарилах, хяналт тэнцлийг хангах зорилготой юм. Учир нь, ШЕЗ-өөс шүүгчдийг томилох шийдвэр гаргаж Ерөнхийлөгчид тэдгээрийг батламжлуулахаар хүргүүлнэ. Тиймээс ШЕЗ-ийг бүрдүүлэхэд Ерөнхийлөгчийг оролцуулбал шүүх эрх мэдэлд хэт нөлөөлөл үүсэх эрсдэлтэй.

-УИХ-аас ШЕЗ-ийн таван гишүүнийг томилоход улс төрийн нөөлөл орох вий гэсэн шүүмжлэл гарч байсан. Энэ талаар Ажлын хэсгийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны түвшинд хэрхэн авч үзсэн бэ?

-Төсөлд УИХ хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ШЕЗ-ийн таван гишүүнийг томилохоор заасан нь УИХ дахь олонх дангаараа түрий барьж томилох бус харин цөөнхтэй зөвшилцөж хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг гаргах шалгарсан механизм юм. Үүгээрээ хэт улстөржилтийг хазаарлана. УИХ санал хураахаасаа өмнө эдгээр таван нэр дэвшигч дээр томилгооны сонсгол заавал хийх учраас үнэхээр хууль зүйн өндөр мэргэшилтэй, хараат бусаар ажиллах хүн мөн эсэхийг маш сайн хэлэлцсэний эцэст шийдвэрлэнэ гэсэн үг. Гэхдээ, УИХ-ын холбогдох байнгын хороо ШЕЗ-ийн таван гишүүнийг нэр дэвшүүлэхээр заасантай холбоотой шүүмжлэл гарсныг Төрийн байгуулалтын байнгын хороо хүлээн авч, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн гурвыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, нэгийг Засгийн газар, нэгийг мэргэжлийн холбооноос тус тус нээлттэйгээр нэр дэвшүүлэх”-ээр заах Ажлын хэсгийн саналыг дэмжсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхэд иргэний нийгмийн оролцоог хангах, улстөржилтийг бууруулахын тулд ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүний нэгийг мэргэжлийн холбоодоос нэр дэвшүүлэх нь зүйтэй. ШЕЗ-ийн бүрэлдэхүүнд Засгийн газраас нэр дэвшүүлсэн нэг хүнийг томилох нь шүүхийн төсөв, бодлогын асуудлыг бодитой шийдвэрлэх, дэмжлэг авахад тустай. УИХ-ын холбогдох Байнгын хорооноос нэр дэвшүүлсэн гурван хүнийг ШЕЗ-ийн бүрэлдэхүүнд томилох нь шүүхийн төсөв, шүүхтэй холбоотой бодлогын асуудал, хууль тогтоомжийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад шийдвэрлэх үүрэгтэй мэргэжлийн Байнгын хорооны төлөөллийг хангаж, шүүх эрх мэдлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна. ШЕЗ-ийн шүүгч биш гишүүдийг нэр дэвшүүлэх ажиллагааг хэт улстөржүүлэхгүйн тулд УИХ-ын холбогдох Байнгын хороо, Засгийн газар, мэргэжлийн холбооноос нэр дэвшүүлэх ажиллагаа нээлттэй, ил тод байхаар заахаар төсөлд тусгах санал гараад байна.

-Шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх талаар төсөлд хэрхэн тусгагдсан бэ?

-27 жилд Монгол Улсад Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг шилж олох, шүүхийн төсөв, бодлого, менежментийг бүрэн мэдэхээс гадна шүүгчийн сахилга, хариуцлагын асуудал руу ордог маш өргөн эрх мэдлийг төвлөрүүлж авсан. Жишээлбэл, ШЕЗ шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг, шүүгч хавсарч үл болох ажлыг эрхэлсэн эсэх, нэг жилийн дотор сахилгын зөрчил дахин үйлдсэн эсэх зэргийг шийддэг. Мөн, шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэх тогтолцоо өнгөрсөн хугацаанд гурван удаа өөрчлөгдөөд байна. 1993-2002 онд Шүүгчийн сахилгын хороод шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэдэг байсан. Эдгээр хороод нь дан шүүгчдээс бүрдсэн байсан учраас шүүгчдээ хаацайлж хэт өмгөөлдөг, хариуцлага тооцож чадахгүй болсон гэж шүүмжлэгдсэн. 2002 онд Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн олонхыг шүүгч биш хөндлөнгийн хүмүүсээр бүрдүүлж Ерөнхийлөгч томилдог болсон. Ингэснээрээ хариуцлага тооцох нь ихэссэн ч уг хорооны шийдвэр шүүхийн хяналтаас гадуур байсан тул шүүгчийн хараат бус байдлыг эрсдэлд оруулсан. 2012 оноос Шүүхийн ёс зүйн хороо гэж нэрийг нь өөрчлөн шинээр байгуулсан. Ингэхдээ хууль зүйн яамнаас, гурван шатны шүүхийн шүүгчдээс, Хуульчдын холбооноос тус бүр гурван хүнийг нэр дэвшүүлж Ерөнхийлөгч томилдог болов. Тус хорооны гишүүдийн саналаар даргыг мөн л Ерөнхийлөгч томилдог. Одоогийн энэ тогтолцоог өөрчлөх хэд хэдэн хуулийн төсөл боловсруулагдсан байна. Эндээс харахад шүүгчийн хариуцлагын тогтолцоог байн байн өөрчилдөг, залгамж чанарыг нь алдагдуулдаг байдал үүссэн. Ингэхдээ шүүгчийн хариуцлагыг сулруулж эсхүл шүүгчийн хараат бус байдлыг хэврэгшүүлж байжээ.

ШЕЗ-д төвлөрсөн эрх мэдлээс шүүгчийн сахилгатай холбоотой хэсгийг нь салгаж өөр бие даасан байгууллагад хариуцуулахын зэрэгцээ Үндсэн хуульд зааж тогтворжуулна, шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлнэ. Шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ногдуулах шийдвэр гаргах Шүүгчийн хариуцлагын зөвлөлтэй болъё гэдэг санаа орсон. Тэдгээрийн гурав нь шүүн таслах ажлын туршлагатай хуульч, гурав нь хууль зүйн эрдэмтэн, гурав нь иргэдийн төлөөлөл байна. Ийм тал талын төлөөллийг хангасан, хөндлөнгийн бүрэлдэхүүн нь ноцтой сахилгын зөрчил гаргасан шүүгчийг зүгээр өнгөрөөж нийт шүүгчдийн нэр хүндийг унахаас сэргийлнэ. Иргэдийн амьдралын хамгийн чухал асуудлын хувьд заяаг шийддэг шүүгч ийм эрх мэдлийг хэрэгжүүлэх итгэлийг дааж байна уу гэдгийг нь хөндлөнгөөс харьж, шаардлагатай бол зохих шийтгэл ногдуулна гэсэн үг. Гэхдээ энэ эрх мэдлийг урвуулан ашиглаж шүүгчийн хараат бус байдалд халдахаас сэргийлэхийн тулд шүүгчид хариуцлага тооцсон шийдвэр шүүхээр хянагдах боломжтой байх ёстой. Тиймээс Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн шийдвэрийг хууль зүйн талаасаа ноцтой алдаатай гарсан гэж үзвэл Улсын дээд шүүхэд гомдол гаргах нь нээлттэй. Гэхдээ Дээд шүүхийн шүүгчид хариуцлага тооцсон Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн шийдвэрийг Дээд шүүх нь өөрөө хянахаар өөрсдийгөө хамгаалах уу, энэ төслөөр шүүгчийн хариуцлагын тогтолцоог үнэхээр үр нөлөөтэй болгож чадах уу гэж УИХ-ын гишүүдээс асууж, тодорхой санал дэвшүүлсэн.

-УИХ-ын гишүүдийн саналаар төсөлд ямар өөрчлөлт орохоор яригдаж байна вэ?

-УИХ-ын гишүүд болон олон нийтийн саналыг хүлээж аваад хариуцлагын зөвлөл, Дээд шүүхийн шүүгчийн асуудал, шүүгчийн асуудлыг шийдэхэд буцаад шүүгч дээрээ хянуулна гэдэг бол үр нөлөөг муутгах эрсдэлтэй. Тиймээс өөр хөндлөнгийн бүрэлдэхүүнээр хянуулах хэрэгтэй. Шүүгчийн хариуцлагын зөвлөл нь шүүгчийн хариуцлагыг үр нөлөөтэй ногдуулж чаддаг байх хэрэгтэй. Шүүх Хариуцлагын зөвлөлийн шийдвэрийг хянадаг байх юм бол шүүх нь шүүгчээ хамгаалдаг гэдэг ийм шүүмжлэл тасрахгүй, арилахгүй байх. Хэдийгээр хариуцлагын зөвлөл бодитойгоор ажилласан ч гэсэн тийм хардлага үргэлжлэх ийм бодитой нөхцөл байна. Тиймээс, Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн шийдвэрийг Үндсэн хуулийн 16.4 буюу шударга шүүхээр шүүлгэх эрхээ зөрчигдсөн гэж үзсэн, Үндсэн хуулийн 49.1-д заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ хараат бус бие даасан байдлаар хэрэгжүүлэх энэ боломжийг хөндлөө гэж үзсэн ийм хоёр үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцийн түвшинд хянуулах боломжийг нээж өгөх байдлаар тусгах юм. Энэ саналыг Ажлын хэсэг гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээд байна. Ерөнхийдөө хариуцлагын зөвлөлийн есөн гишүүний тодорхой төлөөлөл нь шүүгчдээс сонгогдоно гэж харж байгаа, органик хуулиар. Энэ бол хараат бус байдалд халдах эрсдэлийг бууруулна. Мөн, Цэцийн мэргэжлийн болон хараат бус байдал нь дээшлэхээр төсөлд тусгасан. Үүний зэрэгцээ Улсын дээд шүүхээс 1/3 нь нэр дэвшдэг учраас шүүгчийн хараат бус байдалд халдах эрсдэлийг хязгаарлана. Тодорхой зарчмын шаардлагаар Үндсэн хуулийн 49.6 дахь хэсэгт Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн шийдвэрийг Цэц хянахаар оруулбал энэ заалт нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт учраас Үндсэн хуулийн 66 дугаар зүйлтэйгээ нэг түвшинд үйлчилнэ, зөрчилдөхгүй.


Categories
мэдээ улс-төр

Э.Эрдэнэжамъян: Цөөнх Ерөнхий сайдыг огцруулах санал тавих Үндсэн хуулийн боломжгүй болох нь

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъянтай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцлаа.


АХНҮндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа юу. Ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ сайжруулж хийх ёстой. Сайжруулна гэдэг нь үндсэндээ ард түмэнд, сонгогчдод өгөөжтэй байхыг хэлж байгаа юм. Эсвэл ардчилал, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх ёстой. Харамсалтай нь МАН-ын хэлэлцэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол агуулга аль ч сайжруулалт руу чиглэхгүй байгаа. Зөвхөн дарга нарын эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Энэ нь улс төрийн шинжлэх ухааны хэллэгээр дарангуйлал руу явж байна. Үндсэн хуульд дарга нарын сонгогдох, томилогдох хугацааг уртасгаж, өөрсдөдөө эрх мэдлийг авсан байдлаар нэмэлт, өөрчлөлт хийх юм бол үүнийг төрийн эргэлт гэж нэрлэдэг. Учир нь түмнээс асуулгүйгээр өөрсдөдөө эрх мэдлээ нэмж байна гэсэн үг. Тиймээс Монголын ардчилал бэхжих биш дарангуйллын зам руу орж байна гэж хэлж болохоор байгаа.

-Яагаад дарангуйллыг бий болгоно гэж. Энэ тухайгаа тодруулаач?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тодорхой заалтуудаар тайлбарлая л даа. Парламентад олонх болсон нам Ерөнхий сайдыг томилдог. Өнөөдөр үйлчилж байгаа Үндсэн хуулиар УИХ-ын гишүүд Ерөнхий сайд буюу Засгийн газрыг буруу үйл ажиллагаа явууллаа, улс эх оронд хор хохирол учрууллаа гэж үзвэл огцруулах нь нээлттэй. Харин одоогийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дор хаяж 19 гишүүн огцруулах санал гаргана, гэхдээ дараагийн Ерөнхий сайдын нэрийг хамт оруулна гэж байгаа юм. Энэ нь цөөнхийн бүлгээс Ерөнхий сайдыг огцруулах санал тавих Үндсэн хуулийн боломжгүй болгож байгаа. Цөөнх буюу сөрөг хүчин дараагийн Ерөнхий сайдын нэрийг өргөн барих Үндсэн хуулийн эрхгүй болох нь. Дээрээс нь зөвхөн олонхоос Ерөнхий сайдыг томилно гэж байгаа. Цаад утгаараа 20, 30 гишүүнтэй сөрөг хүчний намын дарга Ерөнхий сайдыг томилох эрхгүй. Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлээд ороод ирэхээр Үндсэн хуулийн боломж байхгүй гэх тайлбарыг өгнө. Ерөнхий сайдын нэргүйгээр ороод ирэх юм бол “Үндсэн хуульд зааснаар дараагийн Ерөнхий сайдын нэрийг оруулах ёстой” гээд гацаачихна. Энэ зөвхөн эрх баригч намын дотоод асуудал болж хувирч байгаа. Алдаа дутагдал гаргавал сөрөг хүчин зөвхөн шүүмжилнэ. Эрх баригч намын дотоодод хөдөлгөөн гарсан ч Ерөнхий сайдыг огцруулахад хаагдмал. Эрх баригч намаасаа 19 гишүүн олоод, мөн өөрийгөө илчлээд Ерөнхий сайдыг огцруулах бөх зүрхтэй хүн энэ тогтолцоонд бараг олдохгүй. Өөрөөр хэлбэл, ялсан намын дарга парламент, Засгийн газар дээрээ байр суурьтай учраас шүүх, шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрдүүлэхэд асар хүчтэй оролцож байгаа. Цагдаа, тагнуул, шүүхийг барьж байгаа намын даргын өөдөөс “Би таныг огцруулна” гээд явах хүн байхгүй.

-Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд дээрх өөрчлөлтийг хийж байгаа гэдгийг хууль санаачлагчид хэлж байгаа л даа.

-Монгол болоод дэлхий дахины түүхэнд шударга байж байгаад огцорсон Засгийн газар гэж байдаггүй. Дандаа л ямар нэгэн алдаа гаргасан байдаг. Тэгэхээр Засгийн газар ямар нэгэн үндэслэлтэй байж огцордог юм. Гэтэл одоо үндэслэл байсан ч огцрохгүй болж байна. Монголын ард түмэн алдаа гаргасан, төрийн мөнгийг завшсан хүмүүсийг байлгаад байх сонирхолгүй. Бид аль болох сольж, хариуцлага тооцож чаддаг байхыг хүсч байгаа. Засгийн газар тогтвортой байна гэдэг даргыг нь хэмжээ хязгааргүй эрх мэдэлтэй, хаан байхыг зөвшөөрч байна л гэсэн үг. Тэгэхээр Монголын ард түмэн ийм сонголтыг хийхгүй байх гэж бодож байна. Ямар ч алдаа гаргасан хэзээ ч солигддоггүй Ерөнхий сайдтай байна гэдэг дарангуйллыг тогтоож байгаа хэрэг.

Мөн парламент дахь сөрөг хүчнийхээ эрх мэдлийг төсөв дээр хумьж байгаа. Засгийн газрын оруулж ирсэн төсөв дээр УИХ-ын гишүүд санал хэлэх эрхгүй. УИХ-ын гишүүн “Манай тойрог дээр ийм санал байна” гээд оруулаад ирэхэд “Чи цөөнхийн хүн учир санал хэлэх эрхгүй” гэчихнэ. Бүх саналаа Засгийн газар буюу олонхын бүлэг дээрээ хэлэлцэж байгаад ороод ирнэ. Цөөнх болсон намын гишүүд төсөв дээр ямар ч эрхгүй болж байна гэсэн үг. Үүгээрээ УИХ-ын гишүүний бүрэн эрхийг булааж байна. Үүнээс гадна намуудын санхүүжилт, намуудыг татан буулгах эсэхийг Үндсэн хуулиар зохицуулж байгаа юм билээ. Эрх баригч намын дарга таалагдахгүй сөрөг хүчнийг төсвөөр нь боомилох, хянан шалгах, татан буулгах эрхийг гартаа авч байна. Ингээд үзэхээр эрх баригч намын дарга Засгийн газрын, УИХ-ын бүрэн эрх, шүүхийг томилох, сөрөг хүчнээ татан буулгах, хэзээ ч огцрохгүй байх бүрэн эрхтэй болж байна. Энэ нь эргэлт буцалтгүй дарангуйлал руу орох зарчим болчихож байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж байгаа хүмүүс “Бид парламентын засаглал руу явж байгаа” гэж тайлбарлаад байгаа юм.

Харин энэ нь парламентынхаа бүрэн эрхийг байхгүй болгочихож байгаа хэрэг юм. Дээрээс нь шүүгчээр ажиллаж байгаа хүмүүс шударгаар ажиллаж магадгүй гээд бодтол парламент дээрээ шүүхийн бүрэн эрхийг аваад ирсэн. Өөрөөр хэлбэл, нотлох баримт цуглуулах, гэрч дуудах зэрэг шүүхэд харьяалуулсан бүрэн эрхийг УИХ руу татчихаж байгаа юм. УИХ өөрөө нэгэнт шүүхийг томилж байгаа байгууллага болчихсон байдаг. Энэ тохиолдолд томилж байгаа байгууллагын аваад хэлэлцэх асуудлыг шүүгчид дур мэдэх эрхгүй болж байна гэсэн үг. Тэр утгаараа шүүхийг өөрийн бүрэн хараат болгож байна. Эрх баригч намын “Далайсан газар нь далд орж, далласан газар нь гарч ирдэг” л байгууллага болно. Энэ нь Үндсэн хуульд чимээгүй эргэлт хийж, Засаглалын эрх мэдлийг хуваарилах онолыг хөсөрдүүлж байгаа гэсэн үг. Онол, зарчим, шинжлэх ухааны ололтын эсрэг өөрчлөлт хийж байна. Энэ нь зөвхөн эрх баригч намд зориулагдсан хууль болчихжээ. Гэхдээ Үндсэн хууль үйлчилж эхлэхээс өмнө өөр нам ялчихвал яах уу. МАН-ынхан энэ үйлчиллийг хүсэх болов уу. Тиймээс үүнийг дотроо бодмоор байгаа юм. Үндсэн хуулийн шинжлэх ухаан дарангуйлагчгүй улс орныг бий болгохын төлөө хөгжиж ирсэн ухаан шүү дээ. Ардчилал манай улсад зохино, муу төр гарвал сольж байх ёстой, ард түмэн сайхан амьдрах хэрэгтэй гэж бодож байгаа бол ийм өөрчлөлт хийх ёсгүй. Гэтэл АНУ-д төгссөн гэж яриад байгаа Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ болоод Үндсэн хууль судлалаар мэргэшсэн туршлагатай парламентчид энэ өөрчлөлтийг хийж байгаа нь харамсалтай.

-МАХН-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ямар санал хүргүүлсэн бэ?

-Бид саналаа илэрхийлсэн. МАХН-ын санал болгож байгаа Дээд хуулийн зарчмыг нэгэнт бүхлээр нь авч тавихад хэцүү байгаа бол тодорхой заалтуудыг өөрчлөхийг хүсч байна гэдгээ хэлсэн. Жишээ нь, дордуулсан долоон заалтыг эргээд хэвэнд нь оруулах хэрэгтэй. Хэдий өөрчилж байна гэж ярьж байгаа ч нэгийг нь өөрчлөөгүй. Байгалийн баялаг ашигт малтмалыг ард түмний өмчид байна гэж заагаад өгчих гэхээр “Түүнийг органик хуулиар шийднэ” гэчихэж байгаа юм.

Ард түмний тусын тулд Баялагийн сан үүсгэнэ гээд л толгой эргүүлж байна. Цаад санаа нь өнөөдрийг хүртэл гадныханд өгсөн баялагаа тэр чигт нь өгчихье, өөрсдөө авсан ашигт малтмалаа өөсрдөдөө үлдээчихье гэж байгаа хэрэг. Ард түмэнд өгөх ёстой биш билүү гэхэд “Бид татвараа төлж байгаа, татвар бол ард түмний сайн сайхны төлөө байна” гэсэн л зүйлийг хэлж байна. Ийм худал хуурмаг, залилан мэхлэх шинжтэй өөрчлөлтүүдийг хийж байна.

Categories
мэдээ цаг-үе

Х.Нямбаатар: Дордуулсан долоон заалт гэдэг ч яг ямар заалтуудыг өөрчилснийг өнөөдөр санаж байгаа хүн ховор байна

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, дордуулсан долоон заалтын талаар ярилцлаа.


-Да.Ганболдыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч долоон удаа буцаасан байдаг. Эрх баригч нам Ерөнхий сайдаа томилж чадахгүй энэ нөхцөл байдлыг 2000 оны Үндсэн хуулиар өөрчилсөн нь авууштай санагддаг. Тэгэхээр дордуулсан долоон заалт гэж тэр чигт нь харлуулах нь зохимжгүй юм шиг.

-Дордуулсан долоон заалт гэж бид 19 жил ярилаа. Гэвч яг ямар заалтуудыг өөрчилснийг санаж байгаа хүн өнөөдөр ховор. Мэдээж тухайн үеийнхээ нийгэм, улс төрийн нөхцөл байдал, төрийн үйл ажиллагаа тасалдаж, гацаж байгаа зэргээс үүдэн эрх баригчид Үндсэн хуульд тэдгээр өөрчлөлтүүдийг оруулсан. Эдгээр өөрчлөлтүүдийг хийх хамгийн том үндэслэл нь олонх болсон нам, эвсэл Ерөнхий сайдаа ч томилж чадахгүй байсантай холбоотой гэж хардаг. Энэ үеэс хойш олонх болсон нам, эвслийн бүлэг Ерөнхий сайдыг томилдог болж ямар ч байсан төрийн үйл ажиллагаа тасалдалгүй, гацалгүй өнөөдөртэй золгож байна.

Долоон өөрчлөлтийн хүрээнд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг заавал зөвшилцөж УИХ-д оруулж ирэх тухай асуудалд цэг тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдыг огцруулахдаа дараагийн нэр дэвшигчийг хамтад нь оруулж ирж буй. Энэ заалт нь Засгийн газрыг аль болох тогтвортой байлгахад чиглэсэн зохицуулалт.

-Дордуулсан гэх долоон заалтын хүрээнд нууц санал хураалт явуулдаг байсныг ил болгож өөрчилсөн. Эсрэг талдаа саналаа худалдах явдал гараад байсан учраас ийн өөрчилсөн гэдэг. Харин ил байхаар намын дарга, Ерөнхий сайдын барьцаанд ороод байна гэж шүүмжлэгдэх болсон. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-УИХ-ын гишүүд саналаа илээр гаргаж болно. Гэхдээ УИХ-ын тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууц санал хураалтаар асуудлыг шийдвэрлэх боломжтой.

Дордуулсан долоон заалтыг өөрчлөх хүрээнд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар гүйцэтгэх эсэхийг нэг талд нь хагалж өгч байна. Чуулганаар батлагддаг хуулийн босгыг өндөрсгөж байна. Чуулганы хуралдааны тоог нэмэгдүүлж байна. Долоон заалтаас нэг заалтыг огт хөндөөгүй. Тэр нь бүлэг байгуулсан нам, эвсэл УИХ-ын дэд даргатай байх тухай асуудал юм. Дэлхий нийтийн парламентын чиг хандлагад ийм зохицуулалт бий. Иймээс үүнийг дахин хөндөх шаардлагагүй гэж үзсэн.

-Төсөв хэлэлцэх үед УИХ Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зарлагын шинэ төрөл нэмэхгүй байхаар хуулийн төсөлд тусгагдсан. Энэ нь төсөв батлах өөрийн эрх үүргээсээ татгалзсан хэрэг болж байна уу гэх шүүмжлэл байна?

-Үүнд УИХ төсөв батлах чиг үүргээсээ ухарч байгаа зүйл огт байхгүй. Мэргэжлийн Засгийн газрын боловсруулсан тооцоо судалгаа, үндэслэл бүхий төсвийг УИХ-ын гишүүд дур зоргоороо нэмэхийг хориглож өгч байгаа юм. Аливаа улс орон өөрийн гэсэн хөгжлийн төлөвлөгөөтэй байдаг. Үүнд тохирсон жил бүрийн төсвийн хуваарилалт оновчтой байх ёстой. Төлөвлөгөөнийхөө дагуу төсвөө зохиож үүнийг нь УИХ баталдаг байя гэсэн санаа юм. Ингэж чадаагүйгээс болж төсвийн мөнгөөр бедон тарааж байсан тохиолдол ч бий. УИХ-ын гишүүн тойрогтоо бидон тараахын тулд төсвийг нэмэгдүүлж болохгүй. Энэ бол хөгжил биш, муу туршлага. Уг заалтаар үүнийг л хориглож өгч байгаа юм.

-Үндсэн хуулийн 6.2 дээр байгалийн баялаг бол ард түмний өмч гэж тодотгож өгсөн гэж буй. Үүнийг тодруулаач?

-Үндсэн хуулийн 6.2-т Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална гэж оруулж өгсөн. Байгалийн баялгийг захиран зарцуулахдаа ард түмэнд өгөөжтэй байдлаар ашиглах гэсэн агуулгатай зохицуулалт хийсэн юм.

-Шүүх эрх мэдлийг хараат бус, хариуцлагатай байлгах хүрээнд тодорхой зохицуулалтууд орж байна. Дээд шүүхийн шүүгчийг арван хоёр жилээр сонгохоор болж буйд та ямар байр суурьтай байна вэ?

-Шүүх эрх мэдлийг улс төрөөс хараат бус байлгах нь хамгийн чухал. Шүүгчийг одоогоор Ерөнхийлөгч томилж байгаа. Цаашид Шүүхийн ерөнхий зөвлөл гэх бие даасан байгууллага байгуулаад тэрхүү байгууллага нь бүх шатны шүүгчээ томилно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шүүгчдэд тавигддаг насны болон ажил мэргэжлийн шаардлагыг ч нэмэгдүүлж өгч байгаа. Одоогийн хуулийн зохицуулалтаар анхан шатны шүүхийн шүүгчээр 25 настай хүн томилогдох боломжтой байна. Эхнэр, нөхөр хоёр гэр бүлээ цуцлах, хүүхдээ хэн асран хамгаалах, хүүхдийн тэтгэмж тогтоох, хамтын өмч хуваарилалт хэрхэх зэргийг нэг шүүгч дангаараа шийдвэрлэдэг. Хэрэв 25 настай шүүгч томилогдвол тухайн шүүгч энэ асуудлыг дангаараа шийднэ. Харин түүнд иймэрхүү асуудлыг шийдвэрлэх амьдралын туршлага бий юү. Үүнийг харгалзан шүүгчийг хамгийн багадаа 30 нас хүрсэн иргэн байх ёстой гэж зааж байна. Мөн ажилласан жилийг гурван жилээр нэмэгдүүлнэ. Давж заалдах шатны шүүхийн шүүгчийг анхан шатны шүүхэд тухайн чиглэлээрээ зургаагаас доошгүй жил ажилласан, шүүн таслах туршлагатай хүн байна гэж тусгасан. Улсын Дээд шүүхийн шүүгчийн гуравны хоёроос доошгүй нь шүүн таслах туршлагатай, 40 нас хүрсэн хүнийг нэг удаа 12 жилээр сонгохоор өөрчилж байгаа. Өнөөдөр бүх насаар сонгодог хуулийн зохицуулалттай байгаа. Үүнээс үүдэн нэг компанийн халаасанд орсон гэх мэт гажуудал гарч байна. Бүх насаараа учраас эргэж хариуцлага тооцдог систем алга гэсэн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Энэ нөхцөл байдалд үндэслэн шинэ томьёолол орж ирж байна.

Мөн шүүгчдэд хариуцлага тооцдог Шүүгчийн хариуцлагын зөвлөл гэх бие даасан байгууллагыг байгуулна.

-Эдгээр өөрчлөлтүүдийн хүрээнд цөөнгүй органик хуулиудад өөрчлөлт орж таарна. Одоо ч маргаан дагуулсан байгаа Шүүх эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт орох уу?

-Тийм. Өөрчлөлт орж буй зүйл, заалт бүртэй холбоотой органик хуулиуд шинэчлэгдэнэ.

-Хотууд бий болох боломжтой болж байна. Үүнд таны байр суурь ямар байна вэ?

-Нутгийн захиргааны байгууллагыг бэхжүүлэх, нутгийн удирдлагыг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой дэвшил гаргасан. Орон нутагт улстөржилтийг багасгах үүднээс баг, хорооны Засаг даргыг томилдог болохоор оруулж ирж байгаа. Сум, дүүргийн Засаг даргыг ард иргэд өөрсдөө сонгодог болъё гэж байна. Энэ нь хотууд үүсэх эрх зүйн үндсийг бий болгож байгаа юм. Бид цаашид хотуудтай болох хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд зөвхөн Улаанбаатар хот л үйл ажиллагаа явуулж байна. Цаашид улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хоттой болох шаардлагатай. Тэдгээрт нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг шилжүүлж өгөх том дэвшил гаргаж байгаа. Хотууд өөрсдөө захирагчаа сонгодог, өөрийн удирдлагатай, дүрэмтэй байя гэсэн зохицуулалтууд орж ирж байна. Нутгийн удирдлагыг боловсронгуй болгох хүрээнд орон нутгийн өөрөө удирдах ёсны зарим байгууллагуудад сонгуулийн давхардлыг арилгая гэсэн анхны төсөл явж байна. Олон давхардалтай төлөөлөгчдийн сонгууль, урамшуулал зэргийг хасах зүйл, заалт орж ирж байгаа.

-Дүүргийн Засаг даргыг ч мөн иргэдээс сонгох нь ээ?

-Дүүрэг цаашид хот болно гэсэн зохицуулалтыг барьж байгаа. Хот бүр өөрийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж, тусдаа татвар хураамжаа бүрдүүлдэг, төлөвлөлтөө хийж, үүнийхээ дагуу хөгжлөө тодорхойлдог чиглэлийг баримтлах агуулгатай. Дүүргүүд хэрэв хот болбол дүүрэг гэдэг засаг захиргааны нэгжид хуулиар харьяалуулсан чиг үүргүүдийг хот болсонтой холбогдуулж шилжүүлэх ийм зохицуулалтыг бий болгохоор зорьж байгаа. Дархан, Эрдэнэт мөн аймгийн төвүүд бүгд хотын статуст шилжих боломжтой болно. Өмнөговийн уул уурхайг түшиглэсэн томоохон сумдад орон нутгийн зэрэглэлтэй хот байгуулах, тэдгээрийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн чиг үүргүүдийг шилжүүлэх, цаашид орчин цагийн хотууд болох суурийг Үндсэн хуулиар тавьж байгаа.

-Сумын Засаг даргыг иргэдээс сонгосон ч Аймгийн Засаг дарга нь огцруулах, томилох эрхтэй байна гэсэн зохицуулалт хэвээр байгаа юу?

-Энэ заалт дээр томилохгүй байхаар өөрчилсөн. Засаг дарга хуульд захирагдахгүй, дур зоргоороо авирлаад, хууль зөрчөөд байгаа тохиолдолд ард түмнээс сонгогдсон гээд огцруулахгүй байж болохгүй. Иймээс органик хуулиар огцруулах зохицуулалтыг оруулж өгье, огцруулсан тохиолдолд нөхөн сонгууль зарлаж дараагийн хүнийг сонгоё гэдэг байдлаар зохицуулалт хийсэн.

-Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогддог болох зохицуулалт орж байна.Энэ зохицуулалт орсноороо одоогийн болон өмнөх Ерөнхийлөгчид дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох боломж нээгдэх үү?

-Түүнийг дагаж мөрдөх журмын хуулийн төслийг нарийн хэлэлцээгүй байгаа. Одоогийн журмын хуулиар 2025 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлье гэсэн зохицуулалттай байна. Дагаж мөрдөх журмын хуулийн төслийг бүрэн хэлэлцэгдэж дуусах үед энэ тухай илүү дэлгэрэнгүй ярьсан нь дээр болов уу.

-Сөрөг хүчний зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг эсэргүүцэж байгааг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Үндсэн хуулийн тухай асуудал хэлэлцэж байхад нөхөртэйгөө маргаж байгаа мэт авирлаж болохгүй. Үндсэн хууль гэдэг ирэх 20,30 жилийн хөгжлийг тодорхойлох бодлогын баримт бичиг юм. 2016 оны сонгуульд ялагдсан бол ялагдсан. Сөрөг хүчний үүргээ санал өгөх гэх мэт зохих хэлбэрийн дагуу биелүүлэх хэрэгтэй. Нөхөртөө туньж буй эхнэр шиг авирлаж болохгүй. Бүлэггүй болчихсон юм бол гишүүнийхээ хувиар саналаа өгөх хэрэгтэй.

-Сонгуулийн тухай хуулиас тогтолцоо гэдэг үгийг авсантай холбоотойгоор сөрөг хүчний эсэргүүцэл нэмэгдсэн гэдгийг ч хэлэх хүмүүс байна л даа?

-Тогтолцоо гэдэг үгийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөс авъя гэж үзэж байгаа. Миний хувьд энэ үг байх ёстой гэж үзэж байгаа. Энэ зөвхөн 2024 болон 2028 онд хэрэгжих хууль биш. Тиймээс хоёр салаа утгатай хуулийн боломж байх хэрэгтэй. Дараагийн 10, 20 жил сонгууль жижиг мажоратор тогтолцоогоор явбал манай орны эдийн засаг дийлэх эсэх нь эргэлзээтэй. Мөн хөгжлийн том бодлогууд орхигдох магадлалтай. Тиймээс зөвхөн өнөөдрийг харж шийдвэрлэж болохгүй .

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Баярхүү: Монголчууд бид хичээж, хэрсүүжиж, гэгээрч, боловсорч байж л дэлхийн шинэ орчинд улс гэрээ авч явна

-ХЯТАДЫН СУЛ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХАД МОНГОЛЫН ОРОЛЦОО БАЙХ ЁСТОЙ ГЭДГИЙГ ХӨДӨӨ АЖ АХУЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД УХААРУУЛАХ ХЭРЭГТЭЙ-

Судлаач, профессор Д.Баярхүүтэй ярилцлаа.


-Дэлхий ертөнц хурдацтайгаар хөгжиж буй энэ үед геополитикийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

-Даян дэлхий их өөрчлөлт, их хурдны үедээ байна. Технологи хурдацтай хөгжиж байна. Гадаад орчны хувьсал ч гэрлийн хурдаар явж байна. Дэлхийн шинэ дэг гэж юу байх, ямар байх нь тодорхойгүй, хэлж мэдэхгүй, тааж тааварлашгүй их ажил үйлстэй алхам тутам тулгарах болж байна. Глобал ба бүс нутгийн геополитик хурдтай хувьсаж байна. Монголын хувьд гэрэлт ирээдүй гэхээсээ бүдэг бүрхэг ирээдүй угтахгүй гэх баталгаа алга. Монголчууд бид өөрсдөө хичээж, хэрсүүжиж, гэгээрч, боловсорч байж л дэлхийн шинэ орчинд улс гэрээ авч явах болно. Манай орон руу шууд халдаад, түрэмгийлээд орж ирэх дайсан хаа очиж алга. Хоёр хөрш маань тогтвортой, нэгдмэл, тулхтай байж гэмээнэ манай аюулгүй байдал хангагдах учиртай. Харин үндэсний аюулгүй байдлын дотоодын элемент бүрдэлүүд, тухайлбал эдийн засгийн аюулгүй байдал, байгаль орчин, хүний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал гээд яривал бид өөрсдөө сүйтгэж буй жишээ сургамж зөндөө байна.

-Манай хоёр хөршийн хоорондын харилцаа нь ямар байгаа вэ. Ер нь ОХУ, БНХАУ-ын харилцаа ямар байвал манай улсад ашигтай юм бэ?

-Хөрш хоёр улсын харилцааны өнгө төрх, түвшин, уур амьсгал манай улсын хөгжил дэвшил, бүр томруулбал хувь заяанд чухал үүрэг нөлөөтэй. Энэ хоёр улс зөрчилдөж, сүүлдээ харилцаа нь бүр муудаж, хил дээрээ дайтах дээрээ тулсан үед бид нэг талд нь бат зогсож, хэр чинээндээ зэвсэглэж цэрэгжиж, тэр хэрээрээ Монгол-Зөвлөлтийн харилцаа өргөжин тэлж, Монгол маань социалист хамтын нөхөрлөлийн дорнод цайз бэхлэлт гэсэн алдрыг хүртэж явсан түүх хуучраагүй. Хоёр улсын зөрчил дунд бид зөв байраа эзлэн хөгжлийнхөө гарц түлхүүрийг зөв олж ашигласан тэр түүхэн цаг үе алсран одсон. Тэр үе эргэж ирэхгүй нь мэдээж. Гэлээ гээд бид энэ хоёр улсын өвөр хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг анхаарлынхаа гадна орхиж болохгүй болов уу. Хоёр хөрш маань эвтэй найртай байж, бүх салбарт хамтран ажиллаж, хамтын ажиллагааных нь хаялга бидэнд хүртэж, бид бас өөрийн бодлого байр сууриа өмнөөс нь идэвхтэй гаргаж тавих нь зөв. Хөтлөгдөх бус хамтран ажиллаж, хамтдаа ашгаа хүртэж байж манай улсын хөгжил дэвшилд нэмэх оноо цугларах учиртай. Угтуулж ухаалаг ажиллах, итгэлийг нь хүлээх, даах тухайд бид өөрсдөө санаачилгатай ажиллахгүй бол оройтлоо.

-АНУ, БНХАУ-ын худалдааны дайн цаашид яаж үргэлжлэхээр байна вэ. Гар барилцаж чадах болов уу?

-Хятад-АНУ хоёр худалдааны дайн хийж байна. Гэхдээ байлдагч хоёр талын алиныг дагаж, хэний төлөө дуугарах вэ гэдэг тулгамдсан чухал асуудал биш. Худалдаа, эдийн засгийн харилцаа, иргэд хоорондын харилцаа гээд яривал Хятадын талд Америкийг буруутгуулах гэсэн хүсэл хаа нэгтээ байж болно. Гэтэл гуравдагч хөршөөрөө АНУ-ыг нэрлэчихсэн бид хариулт өгөхөөс булзаж, бултаж байгаа.

Бид төвийг сахиж хандахгүй бол өөр гарц байхгүй. Гэхдээ дүлий дүмбэ оргиод суугаад бай гэсэн үг биш. Байр сууриа илтгэх хэрэгтэй. Оросоос жишээ, сургамж авах хэрэгтэй. АНУ-аас хөдөө аж ахуйн арвин их бүтээгдэхүүн импортолдог Хятадын хэрэгцээг Орос өлхөн хангана хэмээн үзээд эрдэнэшиш, тутарга, буурцаг, арвайн эрүүл ахуйн хэлэлцээр байгууллаа. Орос энэ чиглэлээр экспортоо эрс нэмнэ. Алс Дорноддоо ихээхэн тариална. Үр тариа Хятад руу экспортлох экспортлогч бүс нутгийн жагсаалтыг огцом тэлнэ. Оросоос мах Хятад руу урсаж өгнө. Оросын бүс нутаг, муж хязгаарууд ид язганаж байна. Монголчууд бид дүлий дүмбэ оргиод суугаад байх уу. Хөдөө аж ахуй, газар тариалангаа сэргээж байгаа юм бол Хятадын энэ их сул хэрэгцээг хангахад Монголын хувь оролцоо байх ёстой гэдгийг эрх баригчид ба хөдөө аж ахуйн бизнесчдэд ухааруулах, уриалан дуудах ёстой мэт. Элдэв юм энд тэндээс олж ирээд хэдэн биендээ зардаг худалдааны болхи арчаагүй аргаа өөрчлөөд, мах махан бүтээгдэхүүнээрээ бялхсан, 70 сая толгой малтай манай улс Хятад руу мах гаргадаг бол одоо л яг цаг нь ирлээ шүү дээ.

-Монгол-Хятадын худалдаа бүр огцом тэлэх ёстой гэж та хэлээд байна аа даа?

-Яг тийм. Хятадын Худалдааны сайдын туслах Рэнь Хунбинь ярьсан байна лээ. 2020 он гэхэд Хятад-Монголын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэхээр хичээн ажиллана гэж. Тэр 10 тэрбум нь манай түүхий нүүрс, Хятадын бараа хувцас, хүнс 100 хувь бүү байгаасай, АНУ-аас үзүүлдэг тэр дарамтыг нь нөхөх өчүүхэн ч гэсэн өөр нэр төрлийн бүтээгдэхүүн манайхаас очоосой гэсэндээ би тэгж ярьж байна. Хоёр орны харилцаа бүрэн сайжирснаас хойших 30 орчим жилд Хятад Монголын хамгийн том худалдааны түнш болж чадсан, 2018 онд Монгол-Хятадын худалдааны хэмжээ найман тэрбум ам.долларт хүрч, 2017 оныхоос 24.7 хувиар нэмэгдсэн, 2019 оны эхний дөрвөн сард хоёр талын худалдааны хэмжээ 2.56 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оныхоо мөн үеийнхээс 14.5 хувиар өссөн хэмээн Рэнь Хунбинь ярьсныг хятадын төвийн хэвлэлд бичсэн байсан даа. Би тэрийг л ярьж байна. Одоо Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт, Монгол-Хятадын чөлөөт худалдааны бүсийн нэгдсэн судалгааны ажил ахицтай явж байна гээд ярьвал их зүйл байна.

-АНУ Хятадтай худалдааны дайн хийж байгаа нь манайд огтоос хамаагүй юу. Ямар нэгэн сөрөг нөлөө бий юү?

-Хамаатай нь хамаатай, гэхдээ айхавтар халгаатай биш. Энэ боломжийг ашиглах тухайд л би яриад байгаа хэрэг шүү дээ. Америкийн талаас учруулж буй худалдааны элдэв эрсдэлийг нөхөх үүднээс “Зүүн хойд Азийн чөлөөт худалдааны бүс”-ийн тухай нэгдсэн судалгаа гэдгийг Хятад өөрөө оройлон хийж байна. Энэ нь мэдээж манай улсад хожоотой алхам болно. Монголчууд Хятадтай худалдаагаа яралзуулаад, тэр нь бидэндээ асар их ашиг өгөх улс төрийн хөрс суурь бийг бид огтоос ашиглахгүй байна. 2019 онд дипломат харилцааны 70 жилийн ой тохиож байна. Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ 1994 онд байгуулагдсан, 25 жилийнх нь ойг тэмдэглэж байна. Монгол-Хятадын III экспо яармаг намар Өмнөд Монголд болно. Экспо яармагийн үзэсгэлэнгийн нийт талбай 80 мянган ам метр, худалдаа-хөрөнгө оруулалтыг танилцуулах, форум уулзалт хийх зэрэг 10 гаруй төрлийн арга хэмжээ зохионо. Манайхныг экспортолж болох бүх бараа бүтээгдэхүүнээ дэлгэ, хамтын ажиллагаагаа ил тод шууд ярилц л гэсэн санаа шүү дээ. ӨМӨЗО-ы дэд дарга Ай Лихуа ярьсан байна. “Экспо яармаг Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгил, Бүс ба замын бүтээн байгуулалт, Цайны зам дагуух улс орнуудын хүрээнд худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын ажил хэрэгч хамтын ажиллагааны төслүүдийг танилцуулна. Монгол анагаах ухаан, эм бэлдмэл, ноос ноолууран бүтээгдэхүүн зэрэг Хятад, Монголын үйлдвэрлэлийн хөгжлийн цуврал арга хэмжээг зохион байгуулж, Хятад, Монгол хоёр, мөн олон улсын төлөөлөгчид энэ арга хэмжээгээр дамжуулан солилцоо, хамтын ажиллагааг ахиулна” гэж. Үүнээс үзэхэд тэнд нь хэдэн бараагаа зарчихаад мөнгөөр нь Эрээнээс хэрэгтэй хэрэггүй новш цуглуулж ирээд нийслэлийн захуудыг дүүргэ гэсэн үг огтоос биш шүү дээ. Хятадтай ч яахав, бид хэр чинээндээ болж бүтээд байна. Америкаас авдаг зүйлсийнхээ заримыг нь манай улсаас авъя гэсэн “уриалга” л өмнөд хөршөөс яваад байна.

-АНУ, ОХУ-ын харилцаа сайжрах уу. Энэ нь манай улсад яаж нөлөөлөх бол?

-Харилцаа сайжрах эсэхийг урьдчилан таах аргагүй. ОХУ-ын геополитикийн тоглолтоос шалтгаалах болов уу. Эргэн тойрон дайсагнасан хүрээллийн дунд байх Зөвлөлтийн үеийн сэтгэлгээ, цэрэг, аж үйлдвэрийн хамсалаа түшсэн төрийн бодлого, хуучин СССР-ийн нутаг дэвсгэрт хяналтаа алдахгүй гэсэн Оросын өөрийнх нь эрх ашиг, түүнд нь АНУ ба Өрнөд хэрхэн хандах гээд ноцтой асуудал хангалттай хуримтлагдлаа. 2014 оноос өнөөгийн хямрал угшилтай. Украины сонголтыг Өрнөд рүү, эсвэл Москва руу залах, залахгүйгээс үүссэн хямрал даамжраад Крым Украинаас салж одсон. Донбасс нь сална гэсэн. Нутаг дэвсгэрийнхээ бүрэн байдлын төлөө Украин зогссон, тэр чигээрээ сөргөлдсөөр таван жилийг ардаа орхичихсон. Крым ба Донбасс дээр ОХУ-ын баримталсан байр суурийг АНУ, Өрнөд хүлээн зөвшөөрөөгүй, өнөөг хүртэл хориг тавьчихаад байж байна. Хоригийг цуцлах эсэх тодорхойгүй. Хориг цуцлагдаж байж Орос, Америкийн харилцаа сайжрах учиртай. Харилцаа сайжраасай гэдэг талд монголчууд бидэнд ямар нэг эргэлзээ байхгүй. Сайжирвал бидэнд ч хаялга нь ирнэ. Гэхдээ бид чинь АНУ-ыг гуравдагч хөрш, түнш улсаа гээд зарлачихсан. Ойрмогхон АНУ-ын эрхэм дээд хоёр зочныг хүлээж аваад айлчлуулчихсан учраас Орос, Америкийн харилцааны зөрчил дунд төвийг тууштай сахихаас өөр гарц байхгүй гэж би боддог юм.

-АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүнүүд уулзлаа. Уулзалтыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Мэдээж энэ уулзалтыг сайшаахаас өөр аргагүй. Манай оршин буй Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хийгдэж буй том алхам гэж үзэж байна. АНУ-БНАСАУ-ын харилцааны сайжралыг Монгол Улс анхнаас нь хүссэн, дэмжсэн, харилцаа үнэхээр сайжраасай билээ. Харин харилцаагаа сайжруулж байна гээд Хойд Солонгост диваажин байгуулж өгнө гэж амлах, өмнөд хөрш шиг чинь хөгжүүлээд өгнө гэх, Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс нь татгалзуулах мөртлөө улс төрийн дэглэмийг нь өөлөх буруушаах арга Вашингтонд сонгохгүй байгаасай гэж ерөөх байна.

-Тэд дараагийн уулзалтаа Монголд хийж магадгүй гэж байгаа. Манай улсад тэрхүү уулзалтыг хийх нь хэр тохиромжтой юм бэ?

-Яг Монголд хийчихье гэдэг шийдэлд хүрээгүй байгаа. Үүнийг зөвхөн манай тал хүсч санал болгож байна. Нөгөө талууд хүлээн авах эсэх нь тодорхойгүй. Ингэж санал дэвшүүлж байгаагийнхаа хэрээр бид ажиллах ёстой. Дипломатын онцгой чармайлт гаргаж таарна. Тийм уулзалтыг зохион байгуулах бааз суурь, хөрсөө бэлтгэх ёстой. Адаглаад л улс орны нүүр царай, хүн ардын нүүр царайгаа шинэчлэх, хот орчноо бохирдлоос нь салгах, өвлийн их утааг багасгах, машины энэ их түгжрэлээ цэгцлэх, сүрьеэтэй, тэмбүүтэй гэдгээ бага зарлах, малын халдварт өвчингүй болох, түүнийгээ нотлох гээд ажил өрнөж өгнө л дөө.

-Ираны дайн эхэлбэл дэлхий дахинд ямар үр нөлөөтэй байх вэ?

-Ираны эсрэг дайн өнөө маргаашгүй дэгдчихнэ гэх итгэл хаана байна. Айдас болгоомжлол бол байна. Харин тэгчихнэ гэсэн итгэл байхгүй. Иран нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хоригтой, цөмийн ба пуужинт зэвсэг бүтээж буй хэмээн хардагддаг, бүс нутагтаа айхавтар халгаатай улс гэж тооцогддог юм болов уу. Ираны төрийн бодлого, лалын хувьсгалынх нь стратегид бичээтэй буй жүүдийн тэр нэг төрт улсыг газрын хөрснөөс арчина гэсэн хэтийдсэн зорилго нь энэ орныг лүд барам болж харагдуулдаг. Нэгэнтээ лалын хувьсгал хийж, лалын цөм улс болохыг мөрөөдсөний гайгаар лалын суннит хөршүүдээ айдаст автуулж, АНУ ганцаараа бус Ираны эсрэг Америкийг татан оролцуулсан Булангийн монархууд дайн өдөөх дээрээ тулсан байна. Шиит ба суннит шашинтнууд лалын шашин үүссэн цагаас эхлээд 13 зууны турш зөрчилдөж байна. Үнэний төлөө тэр зөрчилдөөн нь шашны дайн болж даамжраад Сири, Йемен улсыг юу болгож тавьчихаад байгааг бид бараг өдөр бүр харж, уншиж, сонсож мэдэж байна. Изриалийн ерөнхий сайдын харддагаар бол Иран нь Арабын дөрвөн нийслэлийг хяналтандаа аваад байна. Энэ нь Бейрут, Дамаск, Багдад, Сана гэж нэрлэгддэг. Ийм дээрээ тултлаа Ираны геополитикийн фронт тэлсэн байна. Үүний эсрэг Саудын Араб, Эмират, лалын бусад улсууд ил шуудаар дайнд уриалан дуудна. Ираны эсрэг дайн дэгдэнэ гэдэг зөвхөн Иранд халтай тусах биш, бүх л Ойрхи Дорнод, лалын ба Арабын ертөнц доргивол дэлхийн III дайн дэгдлээ гэж тооцогдох дээрээ тулахыг үгүйсгэх аргагүй. Аюул занал, үр дагаврыг тооцох аргагүй, маш ноцтой үйл явдал болж даамжрах болов уу.

-ШХАБ-ын холбоонд Энэтхэг, Пакистан гэсэн сөргөлдөөнтэй орнууд ч элссэн байдаг. Гэхдээ үр өгөөж нь төдийлөн их биш, оюутан солилцооноос өөрөөр тус дэм байдаггүй гэх юм. Энэ тухайд?

-ШХАБ-ын оюутан солилцооны тухай анх удаа сонсож байна. Үр өгөөж гэж бас юуг ойлгож байгаа нь сонин байна. Эдийн засгийн интеграцийн байгууллага болохгүй, цэрэг, улс төрийн блок болохгүй гээд заачихсан Дүрэмтэй олон улсын байгууллагаас монголчууд ямар үр өгөөжийг хүсэн хүлээж байна вэ. Олон улсын Засгийн газар хоорондын байгууллагад элсэх манай улсад хүртэх ашиг тус, бас манай улсын хүлээх үүрэг хариуцлага гэж хосолж байх ёстой. Харин манайхан хоёр дахийг нь мартчихаад ашиг орлогын тухай бодоод, тэр бодолдоо автаад Монголын эдийн засаг, дэд бүтэц, ажилгүйдэл, ядуурлыг арилгуулах болоод явчихдаг. ШХАБ дээр яг ийм байр суурьтайгаар жил тойрч байна. ШХАБ-ыг зөвхөн аюулгүй байдал талаас авч ашиглах, тэгснээрээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалуулах гэсэн Ираны жинхлэх хүсэлтийг хойшуулсан баримт нэгийг хэлэх байх. Манайх л ганцаараа эдийн засгийн ашиг орлого, саалийн үнээ гэж ШХАБ-ыг хараад байгаа. Гэтэл цаана нь тусгаар тогтнол, аюулгүй байдал, газар нутгийн маргаан, бүс нутгийн мөргөлдөөний асуудлаа ШХАБ-аар шийдүүлэх гэсэн долоон улсын ажиглагчийн хүсэлтийг саяхан хойшлууллаа шүү дээ.

-АСЕАН бол гишүүн орнуудынхаа хувьд чухал уулзалт, хамтын ажиллагаа байдаг. Үүнээс гарсан бодлого шийдвэр манай улсад нөлөөлөх үү?

-АСЕАН-тай манай улс маш нягт харилцаа хамтын ажиллагаатай байх ёстой юм. Монгол Улс АСЕАН-ы Бүсийн чуулга уулзалт болох АРФ-д элсэж үйл ажиллагаанд нь оролцож байсан. АРФ нь одоо ялгарч харагдахаа больчихлоо. Их гүрнүүдийн геополитикийн мөргөлдөөнд АРФ бүдгэрээд зогсчихов уу, бүү мэд. АСЕАН-ы Найрамдал, хамтын ажиллагааны гэрээ гэдэгт 14 жилийн өмнө Ц.Мөнх-Оргил сайд очоод гарын үсэг зурчихсан шиг санагдаж байна. Би тэр үед ГХЯ-ны бодлого төлөвлөлт хариуцсан зөвлөх байхдаа тухайн асуудлыг хариуцаж, гэрээг орчуулж дээш нь мэдүүлж байсан. Түүнийг эргэж нэг тодруулах хэрэгтэй. АСЕАН-ы орнууд маань “АСЕАН+Гурав” буюу Зүүн өмнөд Азийн 10 улс дээр нэмэх нь Хятад, Япон, БНСУ гэсэн чухал механизмтай. Мөн Зүүн Азийн хамтын нийгэмлэг байгуулах санал санаачилгаа дэвшүүлэн ажиллаж байгаа. Тэр утгаар Монгол маань хэтдээ Зүүн Азийн саммитад оролцож, Зүүн Азийн их орон зайд хүндтэй байраа эзлэх болов уу гэсэн итгэл байдаг юм. Тэр утгаар АСЕАН-тай нягт хамтран ажиллах ёстой болов уу.

-Хонконг, Английн асуудал юу болж байгаа вэ. Үүнээс үүдэн Англи, БНХАУ-ын харилцаанд өөрчлөлт орох уу?

-Энэ талаар судалсан мэдсэн зүйл алга. 1997 онд БНХАУ Хонконгоо Британиас буцаагаад авчихсан, 22 жил өнгөрчихсөн, лав энэ хоёр улсын хооронд асуудал өрнөхгүй, дэврэхгүй гэж бодож байна.

Categories
мэдээ цаг-үе

Н.Хүрэлбаатар: Үндсэн хуульд Засгийн газрын бүтцийг нэр заан тусгаснаар гүйцэтгэх засаглал тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатартай Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар ярилцлаа.


Та 2018 онд Төр засгийн бүтцийг загварчилсан эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлжээ. Төр засгийн бүтэц ямар байх ёстой юм бэ?

-Өнөөдөр бид аливаа зүйлийг шүүмжлэх, ярихаасаа илүү хэрхэн засч залруулах арга зам, шийдлийг гаргаж хэрэгжүүлэх нь чухал болоод байна. Дэлхийн олон улс орнуудад төрийн байгуулалтынхаа зөв бүтэц, тогтолцоог бий болгох, засаглалын эрх мэдлийг зохистой хуваарилах, төрийг тогтвортой, хяналттай, шударга зарчимтай ажиллуулах нь чухал асуудал юм. Иймээс хүн өөрөө өөрийгөө удирддаг тогтолцооны зарчимд үндэслэн засаглалын оновчтой бүтэц, зохион байгуулалтыг загварчлах оролдлого хийсэн.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ хэлэлцэж байна. Та Үндсэн хуульд Засгийн газрын бүтцийг нэр заан оруулах нь зөв гэж үздэг талаараа хэлж байсан. Ингэж үзэж буйн гол шалтгаан нь юу вэ?

-Шинэ Үндсэн хууль батлагдсан 1992 оноос хойш УИХ-ын долоон удаагийн сонгууль зохион байгуулж, 15 Засгийн газар байгуулагдан 13 хүн Ерөнхий сайдаар томилогдон ажилласан байдаг. Засгийн газрууд 9-16 яам, 10-19 сайдын бүрэлдэхүүнтэйгээр дунджаар 642 хоног буюу 1.7 жилийн хугацаатай ажилласан байна. Дээр нь өнгөрсөн хугацаанд Монгол улс 214 хоног Ерөнхий сайдгүй байжээ. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд тухайлбал, Герман улсад 1949 оноос хойш найман Засгийн газар байгуулагдсан. Бүрэн эрхийн хугацаа нь дунджаар 8.6 жил байна. Сингапур улсад 1955 оноос хойш таван Засгийн газар байгуулагдаж, дунджаар 12.6 жил ажилласан байх юм. Дээрх улсуудтай харьцуулан үзвэл Монгол улсын Засгийн газрын ажиллах хугацаа хэт богино, тогтворгүй байгаа нь харагдаж байна. Энэ нь төрийн бодлогын залгамж чанар алдагдах, олон түмний төрдөө итгэх итгэл сулрахад хүргэж, хөгжлийг хойш татсан үндсэн шалтгаан болсон нь тодорхой. Иймээс өнгөрсөн хугацаанд Засгийн газрын бүтэц, бүрэлдtхүүнийг ойр ойрхон сольж, өөрчилж байсан алдаагаа дахин давтахгүйн тулд Үндсэн хуульдаа гүйцэтгэх засаглалыг тогтвортой ажиллуулах, нэн ялангуяа Засгийн газрын бүтцийг нэр заан тодорхой тусгах нь зүйтэй. Бид одоо л засаж авахгүй бол хэдий болтол ийм байдлаар цааш явах вэ. Хэрэв бид энэ алдаагаа засахгүй бол дараагийн Засгийн газар байгуулагдахад дахиад л бүтэцээ өөрчилнө.

-Засгийн газрын бүтцийг Үндсэн хуульд нэр заан тусгасны давуу талыг тодруулаач?

-Нэгдүгээрт, ирэх 25-30 жилд Монгол Улс ямар бодлого баримтлах нь яамдын тоо, нэршлээс тодорхой харагдана. Жишээ нь, Спорт, аялал жуулчлалын асуудал нь хаана, аль яамандаа харьяалагдах вэ, хөгжлийн болон соёлын яамтай байх уу, үгүй юу гэдэг нь тодорхой болж ирнэ гэсэн үг. Хоёрдугаарт, Засгийн газрын бүтэц буюу яамдын тоо, нэршил өөрчлөгдөхгүй байх нь төрийн залгамж чанар алдагдахгүй, төрийн албан хаагчид тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ. Энэ нь Монгол Улс тогтвортой хөгжих нэг үндэс болох юм. Иймээс Засгийн газрын бүтцийг нэр заан Үндсэн хуульд тусгаж оруулъя гэж санал гаргаж байгаа.

-Таны зүгээс Засгийн газар хэдэн яамтай байх нь тохиромжтой гэж үзэж байгаа вэ?

-Сүүлийн 27 жилийн хугацаанд байгуулагдсан Засгийн газруудын бүтэц хэт их хэлбэлзэж байгаа. Жишээ нь, 1996 онд байгуулагдсан Засгийн газар есөн яамтай байсан бол 2012 онд байгуулагдсан Засгийн газар 16 яамтай байсан. Хэдэн яамтай байх нь хамгийн зохистой вэ гэдэг дээр судлаачид, улстөрчид, ард иргэд санаа бодлоо хэлж ярьцгааж байна. Маш олон хүчин зүйлээс хамаардаг учраас улс орон болгоны Засгийн газрын бүтэц харилцан адилгүй байдаг. Гэхдээ судлаач хүнийхээ хувьд хүн өөрөө өөрийгөө удирдах эрхтэн тогтолцооны зарчимд үндэслэн Pасгийн газрын бүтцийг загварчилсан юм. Хүнд илүүдсэн эсвэл дутуудсан эд, эрхтэн гэх ойлголт огт байдаггүй. Өөрөөр хэлбэл, хүн хоёр тархитай, эсвэл зүрхгүй байх боломжгүйг бүгдээрээ мэддэг шүү дээ. Хүн мэдрэл, зүрх судас, амьсгал, хоол боловсруулах гэх мэт нийт 12 эрхтэн тогтолцоонуудын нэгдсэн үйл ажиллагааны тусламжтайгаар амьд оршин тогтнож байдаг. Энэ зарчимд тулгуурлавал Засгийн газар нь Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хөгжлийн болон бусад асуудлуудыг хариуцсан нийт 12 яамдтай байж болох юм.

Ер нь бол эрдэмтэд хүнийг олон талаас нь маш сайн судалсан байдаг. Маш товчхон, энгийнээр тайлбарлая. Хүн мэдрэхүйн эрхтнүүдийнхээ тусламжтай мэдээллийг хүлээн авч, тархи руу дамжуулж байдаг. Ирсэн мэдээллийг тархи боловсруулж, шийдвэр гаргадаг. Гаргасан шийдвэрийн дагуу чиглэсэн зорилготой үйлдэл хийдэг. Дээрх зүй тогтол аль нэг шатандаа алдагдвал өвчин эмгэг үүсч, эрүүл мэнд амь насанд аюул учирдаг. Мэдээллийг хүлээн авах, боловсруулж шийдвэр гаргах, шийдвэрийн дагуу чиглэсэн зорилготой үйлдэл хийх эрхтэн тогтолцоонууд нь бүтцийн хувьд харьцангуй биеэ даасан, үйл ажиллагааны хувьд нэгдмэл зохион байгуулалттай ажиллаж байдаг. Үүнийг төрийн байгуулалт, засаглалын хэлбэрүүдтэй жишиж үзвэл хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалтай дүйцүүлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалуудын бие даасан хараат бус тодорхой чиг үүрэгтэй байж, харилцан хяналттай, нэгдмэл үйл ажиллагаа явуулах зарчимтай адилтгаж болно.

-Гүйцэтгэх засаглалыг тогтвортой, үр дүнтэй ажиллуулахын тулд бүтцээс гадна өөр ямар зүйлүүд дээр анхаарах вэ?

-Монголчууд бид хэт улстөржиж, хэт их талцан хийрхэж, Засгийн газраа ойр ойрхон огцруулахаа зогсоох хэрэгтэй. Мөн гүйцэтгэх засаглалд нөлөөлөх парламентын нөлөөллийг бууруулж, Засгийн газрын бие даасан үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүрэлдхүүнээ өөрөө бүрдүүлдэг байх, хариуцлагаа тооцдог эрхийг олгох, Засгийн газрыг огцруулахдаа дараагийн Ерөнхий сайдыг зэрэг хэлэлцэн шууд баталж байх нь зүйтэй. Парламентын засаглалтай Герман, Япон, Их Британид Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлдэг төдийгүй сайд нар нь хариуцлага алдсан, бодлогын өөр байр суурьтай тохиолдолд Ерөнхий сайдыг шууд огцруулдаг жишиг бий. Зарим оронд тогтвортой, хүчтэй засаглалтай байхын тулд Ерөнхий сайдад парламентыг тараах эрх ч олгосон байдаг. Мөн хууль тогтоох эрх мэдлийг гүйцэтгэх засаглалд төлөөлүүлэх явдал ч бий.

-Таны боловсруулсан төрийн байгуулалтын бүтцийн загварын дагуу парламентын тогтолцоог аль эрхтэн тогтолцоотой харьцуулж үзэх боломжтой вэ?

-Парламент ард түмний төлөөлөл болохын зэрэгцээ хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Тиймдээ ч би хувьдаа парламентын засаглалтай байх нь зүйтэй гэж үздэг. Монгол Улсын хувьд дэлхий нийтийн чиг хандлага, улс төрийн нөхцөл байдал, өөрийн улсын түүхэн уламжлал, газар зүйн байрлал, сургамж зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэж, Үндсэн хуульд “Парламентын бүгд найрамдах улс” гэсэн хэлбэрийг сонгож, төрийн эрх мэдэл нэг гарт хэт төвлөрөхийг хязгаарласан, тэнцвэртэй байдлыг хангахаар тусгасан. Энэ нь хүн өөрийгөө удирдан зохион байгуулах үйл ажиллагааны зарчимтай ерөнхийдөө тохирч байна. Эрхтэн тогтолцооны хувьд хүний тархийг парламенттай адилтгаж болно.

-Яагаад?

-Хүний тархи нийтдээ 120 гаруй тэрбум мэдрэлийн эсээс бүрддэг. Мэдээллийг хүлээн авч задлан шинжилж, шийдвэр гаргах мэдрэлийн дээд төв, эрхтэн тогтолцооны автомат байнгын үйл ажиллагааг хариуцдаг мэдрэлийн доод төв гэсэн хоёр түвшинд удирдан тохируулдаг. Мэдрэлийн дээд төв буюу их тархины гадар нь аливаа мэдээлэл, үр дүнг үнэлэн дүгнэж, задлан шинжилж, сэтгэн бодож ухамсарлан чиглэсэн зорилготой үйлдэл хийх шийдвэр гаргадаг. Тиймээс парламентын дээд танхимын хууль тогтоох, бодлого батлах, хуулийн хүрээнд ерөнхий хяналт тавих үүргүүдтэй дүйцүүлэн үзэх боломжтой.

Харин Мэдрэлийн доод төвүүд нь хүний дотор эрхтэн тогтолцоонуудын байнгын найдвартай үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг. Тиймээс байнгын үйл ажиллагаатай парламентын доод танхимтай адилтгаж загварчилсан юм. Нөгөө талаас хүнийг нэгдмэл цогц байдлаар удирдан зохион байгуулах үүрэгтэй тархины автомат үйл ажиллагааны төвүүд мөч, хором бүрд тасралтгүй ажиллаж байдаг. Энэ төвүүдийн үйл ажиллагаа алдагдахад хүний амь насанд шууд эрсдэлтэй байдал үүсэх зүй тогтолтой. Тархины автомат үйл ажиллагааг хариуцдаг энэ бүтцийг Засгийн газрын тэргүүнтэй зүйрлүүлж авч үзэж болно.

Эндээс дүгнэвэл парламентын дээд танхимыг шинээр байгуулж, одоо ажиллаж буй УИХ-ыг байнгын үйл ажиллагаатай парламентын доод танхим болгон зохион байгуулах боломжтой юм. Товчхондоо бол хоёр танхимтай парламентын тогтолцоотой байна гэсэн үг. Их Британи, Австрали зэрэг дэлхийн 80 гаруй орны хууль тогтоох засаглал хоёр танхим бүхий парламентын тогтолцоотой байдаг. Хоёр танхим бүхий парламент нь яс үндэс, нийгмийн гарал, боловсрол, соёлын хувьд цөөнхийн төлөөллийг хамруулах, орон нутгийн төлөөллүүдийн оролцоог хангах, нийгэм, эдийн засгийн ашиг сонирхлуудыг тусгах, төрийн үйл ажиллагаа тасралтгүй, хяналттай, хариуцлагатай, тогтвортой ажиллахад нэн чухал юм. Түүнчлэн хоёр танхим бүхий парламент хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хууль тогтоох үйл ажиллагаанд тэнцвэрт байдлыг үүсгэх давуу талтай байдаг. Тиймээс манай улс дээрх тогтолцоо руу шилжих бүрэн боломжтой.

-Та давхар дээл гэх ойлголтын талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Хүний тархины эсүүд ба захын эрхтэний эсүүд бүтэц, үйл ажиллагаа, үүргийн хувьд эрс ялгаатай байдаг. Энэ зүй тогтлыг харгалзан үзвэл парламентын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах нь зарчмын хувьд тохиромжгүй юм. Парламентын засаглалтай Австри, Бельги, Тайланд зэрэг олон оронд Засгийн газрын гишүүдийг парламентын гишүүн байхыг Үндсэн хуулиараа шууд хориглосон байдаг. Энэ нь хууль тогтоох эрх мэдлийг гүйцэтгэх эрх мэдлээс хараат бус байлгах давуу талтай юм.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Товуусүрэн: Салбар хуулиудаар зохицуулах харилцаа зөв гарвал Үндсэн хуулийн төсөл хөгжил, дэвшлийг авчирна

-ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАХАД АРД ТҮМЭН ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ 900 ГАРУЙ МЯНГАН САНАЛ ИРҮҮЛЖ БАЙЛАА-


АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэнтэй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцлаа.


-Таны хувьд ардчилсан Үндсэн хуулийг батлалцаж, шавыг нь тавьж явсан хүний нэг. Тухайн үед эцэг хуулийг батлах үйл явц хэрхэн өрнөж байв?

-БНМАУ-ын Бага Хурлын анхдугаар чуулганы хуралдаанаас 1992 оны аравдугаар сард Шинэ ардчилсан Үндсэн хуулийн төсөл боловруулах үүрэг бүхий комиссыг байгуулан ажилд нь оруулсан юм. Тэр үеийн Ерөнхийлөгч П.Очирбатын тэргүүлсэн комисс Төслийг боловсруулж, Улсын Бага Хурлын 1991 оны тавдугаар сарын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлсэн. Ийнхүү зургадугаар сарын 1-ний өдрөөс есдүгээр сарын 1-нийг хүртэлх гурван сарын хугацаанд ард нийтээр хэлэлцүүлэх тухай тогтоол гаргаж байв. Уг хэлэлцүүлгээр ирсэн саналуудыг ангилан нэгтгэж, боломжтой саналуудыг нь Үндсэн хуулийн төсөлд тусган дахин боловсруулсан. 1991 оны аравдугаар сард Улсын Бага Хурлын чуулганы хуралдаанд хэлэлцүүлэн мөн оны аравдугаар сарын 20-ны өдөр тогтоол гаргаж, Ардын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. 1991 оны арваннэгдүгээр сард Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих үед гарах зарим харилцааг зохицуулах зорилго бүхий Үндсэн хуулийн хавсралт хуулийн төслийг Улсын Бага Хурал хэлэлцэж өргөн мэдүүлсэн байдаг. За тэгээд цааш нь бүх хүн мэдэж байгаа даа. Ардын Их Хурлын чуулган 1991 оны арваннэгдүгээр сард эхэлж уг төслийг 76 хоног хэлэлцэж, нэгдүгээр сарын 12 -ны өдөр баталсан шүү дээ.

-Ард нийт идэвхтэй оролцож байв уу?

Ард нийтийн хэлэлцүүлгийн үеэр орон нутгаас сонгогдсон депутатууд, Комиссын гишүүд, Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, түүний Ажлын хэсэг, Улсын Бага Хурлын гишүүд, Тамгын газрынхан гол ажлыг нь зохион байгуулж, нугалсан.

Ард түмэн маань идэвхтэй оролцож, 200 гаруй мянган иргэн давхардсан тоогоор 900 гаруй мянган санал ирүүлсэн байдаг.

-Ачаалал нь хэр байсан бол?

-Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр зөвхөн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулах төдийгүй бусад олон асуудалд анхаарлаа хандуулж, Үндсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий комисс, салбар комисс, Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, түүний ажлын хэсэг, Улсын Бага Хурал, түүний аппарат нойр хагаслан зүтгэцгээсэн. Нэг зүйлийг тодруулахад тэр үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрынхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан ч хамт зүтгэцгээсэн.

-Ажлын хэсгийн тайлбарыг анхааралтай, нухацтай сонсож байсан гэдэг. Энэ талаар тодруулаач?

-Ардын Их Хурлын чуулганы хуралдааны үеэр Үндсэн хуулийн эхийг баригчаар Б.Чимид гуай, Д.Лүндээжанцан нар ажилласан. Депутатуудын асуултад хариулах саналын томъёоллыг гүйцээж хянах зэрэгт энэ хоёр л ачааны хүндийг үүрсэн. Түүнчлэн салбар комисынхан, дэд ажлын хэсгийнхэн ч их ажилтай байсан даа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ. Энэ өөрчлөлт дордуулсан долоон өөрчлөлт шиг шүүмжлэл дагуулахгүй гэдэгт та итгэлтэй байна уу?

-Төсөл санаачлагчдын бодож байгаа шиг, цаашид салбарын хуулиудаар зохицуулах харилцаа зөв гарч чадвал, энэ төсөл хөгжил, дэвшлийг авчирна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Одоогийнх шиг салбарын хуулиудаар зохицуулах зүйлээ дутуу хийчихээд Үндсэн хууль нь хууль нь буруу гээд шүүмжлэхгүй байх гэдэгт хойч үеийнхэндээ итгэх хэрэгтэй биз дээ.

-Энэ хэвээрээ батлагдвал эерэг өөрчлөлт авчирна гэж харж байгаа заалтууд юу байна вэ?

-Бүгдийг нь тоочиход цаг их орно. Улсын Их Хурлын зүгээс ерөнхий болон төсвийн хэрэгжилтэд тавих хяналт сайжирна. Засгийн газар тогтвортой ажилласнаар улс орны хөгжлийн хурдац нэмэгдэнэ. Шүүх, шүүгчид бие даан хараат бус, зөвхөн хуульд захирагдан шийдвэр гаргах нөхцөл бүрдэж, тэдэнд итгэх олон түмний итгэл дээшилнэ. Нутгийн удирдлагын тогтолцоонд төсөлд заасны дагуу зарчмын шинж чанартай өөрчлөлт хийгдвэл үр дүн нь ард түмэнд өгөөжтэй байх болно.

-Гишүүд санал, шүүмжлэлээ хэлж байна. Тэр дундаа Засгийн газарт хэт их эрх мэдэл төвлөрүүлж байгаа юм биш биз гэдгийг ч онцолж байна.

-Ерөнхий сайд, сайд нараа томилох эрхтэй болсныг л хэлээд байна аа даа. Парламентын засагтай улсын жишигт л ойртуулж байна. Манай Үндсэн хуулиар гүйцэтгэх эрх мэдлийн нэг салаа болох Ерөнхийлөгч харьцангуй өндөр эрх мэдэлтэй. Улс төрийн талаас нь харвал энэ хоёр хүчээ нэгтгэж болно. Мөн тодорхой асуудлаар байр суурь өөр өөр ч байх тохиолдол байхыг үгүйсгэж болохгүй. Ямартай ч нэгдвэл хөгжилд тустай, зөрчилдвөл аль алиныгаа хязгаарлах ач холбогдолтой.

-Нутгийн удирдлагын тогтолцоонд өөрчлөлт оруулсан нь улстөржилтийг улам нэмэгдүүлэх нь гэж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Ямартаа ч улс төрийн нэг сонгууль явагдахгүй болно. Тодруулбал, аймаг, нийслэлийн сонгууль болохгүй. Тиймдээ ч улстөржилт ихэснэ гэж харахгүй байгаа.

-Дээд шүүхийн шүүгчийг 12 жилээр сонгох нь буруу гэж байна. Гадны жишигт ямар байдаг юм бэ?

-Дэлхийн цөөхөн улсын Үндсэн хуульд ийм зохицуулалт байгаа. Ер нь шүүгчдийг бүх насаар нь томилоод хариуцлагыг нь тодорхой хүлээлгээд зэрэг дэвийг нь бууруулаад, огцруулаад байж чадах юм бол заавал хугацаа заах хэрэгтэй эсэхэд эргэлздэг. Гэхдээ Монголын онцлог гэх үү дээ. Хугацаа тавина гэсэн санал давамгайлдаг юм билээ. Энэ тохиолдолд хэт богино хугацаа тавибал Дээд шүүхийн хууль тайлбарлах үйл ажиллагаанд сэв сууна гэж үздэг учраас 12 жил гэж тавъя гэсэн хуульч эрдэмтдийнхээ саналыг хүндэтгэж байгаа. Ямартаа ч нийтлэг эрх ашигтаа харшлахгүй биз ээ.

-Дордуулсан долоон заалтыг өөрчлөх хүрээнд Засгийн газрыг огцруулах үед илээр санал хураалт явуулахгүй болгож өөрчлөх гэж байна гэх юм. Ийм өөрчлөлт орж байгаа юу?

-Энд ойлголтын зөрүү байх шиг байна. Томилгооны үед илээр санал хураалт явуулах нь улс төрийн намын дарамт, гишүүний саналаа чөлөөтэй илэрхийлэх эрхэд халдсан гэж шүүмжилдэг. 2000 оны нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилох болон хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ гэж заасан нь саналаа гаргах үндсэн хэлбэр нь ил санал хураалт болохыг бүдгэрүүлж уншигддаг юм л даа. Ер нь санал хураах үндсэн хэлбэр нь ил байх зарчмыг л тодотгосон хэрэг. Хуулиар Засгийн газрыг огцруулах санал хураалтыг нууц байна гэж тогтоовол нууцаар л санал хураана гэсэн үг шүү дээ. Ер нь бол томилгооны санал хураалтыг нууц санал хураалтаар явуулбал хэн нэгнээс хараат бусаар саналаа илэрхийлэх боломжийг нэмэгдүүлдэг гэдэг утгаар нь санал хураалтын энэ хэлбэрийг ашиглах нь дэлхийн улс орнуудад нэлээд түгээмэл юм байна лээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Санжаадамбын допингтой бөхтэй барилдахгүй гэх Санжаахандын ДОХ-той эртэй хавьтахгүй гэдгээс ялгаа юун

Ч.Санжаадамба аварга допингтой бөхтэй барилдахгүй гэдгээ эрс шийдэмгий мэдэгдчихлээ. Энэ нь ч үнэхээр зөв өө. Санжааханд гэдэг хүүхэн ДОХ-той эртэй хавьтахгүй гэж байгаагаас ялгаагүй л зүйл шүү дээ. ДОХ-тойг нь мэдсээр байж ямар амьтан хавьтах билээ. Допингтой бөхтэй барилдах бидний алмас хэмээн төсөөлдөг адгуустай барилдаж буй мэт, бүр түүнээс ч илүү араатантай ноцолдож байгаа мэт хэцүү байдаг юм гэсэн. Зодог, шуудагны уяа нь гар хөлийг нь тасдахаа алддаг гэж байгаа. Ер нь ч тэгээд түмэн олноо баясгахаар зүлэг ногоон дэвжээнээ гарахдаа “Үнэн хүчийг үзэж барилдана” хэмээн зарлан тунхаглуулдаг бөхчүүд маань допинг хэрэглэхээсээ ичих хэрэгтэй. Спортын амин сүнс болсон шударга өрсөлдөөн гээчийг үгүйсгэж, уландаа гишгэж буй явдал шүү дээ. Ёс суртахууны хувьд ч асар дорой байгааг илтгэнэ. Монгол бөхийн барилдааныг спортын төрөл мөн, биш гэж маргадаг. Энэ бол бөхийн спорт мөн. Тэмцэлдэх, бусдыг баясгах, хөгжөөх гээд спортод байх ёстой зүйлүүд монгол бөхийн барилдаанд бий гэдгийг энд тодотгоё.

Эцэст нь хэлэхэд дэлхийд допинг шүүхээр цагаатгасан тохиолдол байдаггүй юм аа. Монголчууд бид л бусдын үзээгүйг үзэх юм даа, хөөрхий. Шүүх өөрөө лабораторитой болчихсон хэрэг үү. Шүүхэд битгий хэл Монгол Улсын хэмжээнд допинг илэрсэн эсэхийг шинжлэх нэг ч лабораторигүй шүү дээ. Тиймдээ ч бид БНСУ-руу сорьцоо явуулж өндөр үнээр шинжлүүлдэг юм. Шүүх өөрт хамаатай зүйл дээр л дуугарах хэрэгтэй бус уу. “Зусарч хүн зулгаа барна” гэгчээр шүүх юм, юм руу үсчиж нэр хүндээ унагахаа болимоор байгаа юм.

Ер нь цаашдаа ч допинг хэрэглэсэн л бол хэнбугай нь ч байсан барилдуулахыг нь хориглох хэрэгтэй. Толгойг нь илж, гааруулж огтоос болохгүй. Тиймээс Ч.Санжаадамба аваргын тун зөв өө.