Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд аа битгий цовхоч, Э.Оюунболд дахиад хэд түрүүлнэ

Баяр наадмын түрүү бөх, шинэ аварга Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн хэмээн нийгэм даяараа зүхэж байна. Шинжилгээний эцсийн хариу нь гараагүй байхад л бид сандралдаж, хэмлэлдэж, шүлсээ үсчүүлэн элдвээр цуурч, шаагилдаж байгаа нь энэ. Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрсэн хэмээн “Гацуурт”-ын Л.Чинбат нарын гэх тодотголтой Монгол Үндэсний Бөхийн Холбооноос мэдэгдсэн. Допингийн шинжилгээний хариуг Үндэсний Бөхийн холбоо бус Баяр наадам зохион байгуулах комиссын Бөхийн салбар хорооноос зарладаг журамтай. Одоогоор тус хорооноос хоёр бөх допингийн шинжилгээнд бүдэрснийг албан ёсоор зарлаад байгаа. Гэхдээ хэн гэдэг нь нууц хэвээр байна. Бөхийн салбар хорооноос А сорьцын хариуг энэ сарын 9-нд бөхчүүдэд хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш 10 хоногийн хугацаанд багтаан шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд В сорьц өгөх боломжтой, тэр эрх нь нээлттэй. Тэгэхээр эцсийн хариу гарах хараахан болоогүй гэсэн үг.

Тиймээс допингийн шинжилгээний албан ёсны хариуг Бөхийн салбар хорооноос зарлатал хүлээцтэй байцгааж болох уу, та минь ээ. Үгүй ээ, бид чинь тайван амгалан байж чадахаа больчихсон улс уу. Юуг юугүй л хэл амаа билүүдэж, нэгэн рүүгээ давшлах нь ингэхэд ёс зүйтэй үйлдэл мөн үү. Аажуу, уужуу, аяндаа болно доо гэх тал шигээ уудам зан чанар биднийх бишсэн билүү. Угтаа олон зуун жилийн туршид монголчууд бидний оюун сэтгэлгээнд суучихсан үндсэн зан чанар л баймаарсан. Өвгөдийн минь энэ л зан чанар ор мөргүй алга болчихов уу, бид гээчихсэн хэрэг үү. Үнэндээ бидэнд ичмээр, гайхмаар урхагтай зан чанар л нэвт, шувт суучихжээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцөөр нэгнийгээ зүхэж, харааж, чичилж байгаа нь яг үнэндээ монголчуудын атаархуу, бусдынхаа сайн сайхныг үзэж чаддаггүй гэдгийг илтгэж байгаа юм. Энэ үнэн шүү дээ. Хэзээ бид нэгнийхээ сайн сайхан яваад баярлаж, талархаж чаддаг байлаа. Э.Оюунболдыг төрийн наадамд түрүүллээ гэж нутаг орноос нь дэмжиж бэлэг сэлт өгсөөн өгсөн. Хэн ч нутаг усных нь хүү төрийн наадамд түрүүлчихээд байхад гараа хумхиад сууж чадахгүй нь мэдээж. Харин энэ нь атаархагчдын хамаг эд эсийг хөдөлгөсөн нь лавтай. Энэ жаахан хүү ямар их мөнгө төгрөг, байр сав, машин тэрэгтэй болчихов гэхээс тэд байж сууж чадахгүй болтлоо атаархаж, хонзогносон. Энэ бол өнөө цагийн монголчуудын муу муухай зангийн илрэл, байгаа байдал, үнэн дүр төрх. Өөр юу ч биш. Хэн нэгэн сайн сайхан явж байвал болж дээ хэмээн сэтгэл өег суудаг өвгөдийн минь уужимхан зан чанар мөн л арилж одсны тод жишээ.

Хэнийх нь ч үнэн гэж хэлэхэд эрт байгаа энэ үед Э.Оюунболдын дуугарахгүй байгаа нь зөв. Магадгүй тэр нөгөө л өвгөдийнхөө аяндаа болно доо, учир нь олдох байлгүй дээ гэсэн зан чанар, араншингаар хүлээцтэй хандаж суугаа байх. Харин Н.Батсуурь аварга минь битгий тэчъяад. Допинг илэрвэл ном журмаараа шийдэгдэж л таарна. Тэр дүрэм журмаараа хариуцлага хүлээнэ, хүлээлгэнэ. Монгол Улс чинь төртэй, хуультай, дүрэм журамтай. Түүгээрээ л болно. Тэр үед Н.Батсуурь аварга та хүссэн хүсээгүй даян аварга болно. Н.Мустафа начин, Б.Цэдэнсодном харцага, Д.Анар заан цол хүртэж, Ц.Содномдорж үлэмж бадрах чимэгтэй болно. Үүнийг ганцхан цол, чимэг хүртэх та хэдэн бөхчүүд бус монголчууд бүгд мэдэж байгаа. Тиймээс та нар минь битгий хүмүүсийг зохион байгуул, эцэг, өвгөдийнхөө уужуу тайвуу ухаанаар хандаж, аядуу бай.

Хэн хэн нь, үүнд амь нь тэмцээд байгаа хүмүүс, бөхөд дуртай моголчууд аа, та нар битгий цовхч. Э.Оюунболдод дахиад түрүүлэх нас, бяр, бөхийн авьяас, потенциал байгаа. Албан ёсоор зарлачихаагүй байна. Муугаар бодоход зарласан байлаа ч хууль дүрмийнхээ дагуу хоёр жил барилдах эрхээ хасуулах болов уу. Өнөөдөр Э.Оюунболд цолоо хураалгаад амьдрал, амжилт нь дуусчихаж байгаа юм биш шүү дээ. 26-хан настай залуу дараа нь энэ цолыг түвэггүйхэн авчихна. Хоёр жилийн дараа 28 настай ид л залуу арслан зогсож байна. Дахин түрүүлээд аварга бүр даян, дархан аваргыг ч авах биз. Тиймээс Э.Оюунболд минь ч сандарч, тэвдэлгүйхэн шиг тайван бай.

Ер нь тэгээд энэ бүхэн Э.Оюунболдын л асуудал, та бидний хэнд нь ч огт хамаагүй. Хувь хүний асуудал, амжилт, түүнд хамаатай л үйл явц. Шүлсээ үсчүүлээд дайрч давшлаад байгаа танд ч, үүнийг бичиж байгаа надад ч хамаагүй. Ингэлээ гээд бидний хэн нь ч Э.Оюунболдын гарыг нугалж, Н.Батсуурийн хөлийг ч өргөж дийлэхгүй. Бүх зүйлээрээ маниуст огтхон ч хамаагүй юм. Дахин хэлэхэд, допингийн шинжилгээний хариу иртэл бүгдээрээ нэг сайхан хүлээцтэй, уужуу байя л даа. Цугаараа тайван амгалан байж, урт амьсгаа аваатахаж болно биз дээ.

Ямартаа ч үнэн, худал нь эцэслэгдээгүй энэ шуугианаас болсон уу, яасан Э.Оюунболд аварга цолны мялаалга наадмаа энэ сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод хийхээр төлөвлөсөн байсан ч хойшлуулсан шиг байна. Хаана хаанаа хүндрэл үүсгэхгүйг бодож дараагийн баяр наадмаар цолны болзол хангасан бөхчүүддээ түр үнэмлэх өгдөг байвал яасан юм бэ. Допингийн шинжилгээний хариу гарч, элдэв маргааныг эцэслэсний дараа цол, чимгийг нь өгч, найр наадмаа хийн, бэлэг сэлтээ хар, хоргүй өгдөг л болчихъё. Ёстой л монголчуудаараа хөдөлцгөөж, баярлаж, бялхъя. Ийм жишиг тогтооё. Үгүй бол дахиад л допинг тойрсон хэрүүл маргаан, атаа чөтөө үргэлжилнэ. Допингийн хэрүүлээс болж Үндэсний бөхийн нэр сүр шавартай хутгалдана. Тиймээс дараагийн жилүүдээс аль аль зүйлээ жаахан азная, харзная та минь ээ.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Бат-Эрдэнэ: Гишүүдийн тоог ярихаас илүү чанаржихад нь анхаарах ёстой

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-МАН-ын бүлэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд байр сууриа нэгтгэхээр хуралдсаар байгаа. Зөвшилцөлд хүрэх боломж харагдаж байна уу. Одоогоор яг ямар шийдэлд хүрээд байна вэ?

-Ерөнхийдөө гурван асуудал дээр л зөрөлдөөд байгаа юм. Нэгдүгээрт, шүүхийн асуудлыг ярих ёстой. Шүүх шударга байгаа эсэх талаарх асуудал маш их хөндөгдөх болсон. Тиймээс бид Үндсэн хуульдаа тухайн хүн ямар шийдвэр гаргах нь тухайн хүнээс хамаардаггүй, зарчмынхаа дагуу шийдвэрлэгддэг байхаар суулгаж өгөх ёстой. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох асуудал дээр зөрөлдөж байна. Мөн бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгох, сонгуулийн тогтолцооны асуудлуудыг багагүй ярьж байна. Ерөнхийлөгч “Та бүхний санал болгосны дагуу 108 гишүүнтэй болгох, бүрэн эрхийн хугацааг сунгах зохицуулалтыг оруулж ирлээ” гэж бүлгийн хурал дээр хэлсэн. Энэ санал маань эцэстээ бидний санал болж хувираад байгаа. Энэ санал хаана яригдаж байгаад Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал орчихов. Жишээ нь, УИХ-ын 62 гишүүний гарын үсэг зурсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тэрхүү зохицуулалт байхгүй. Ямартаа ч санал гаргасан Ерөнхийлөгч маань амарчихсан байгаа бололтой байна. Удахгүй ирээд энэ саналууд дээр ямар байр суурьтай байгаагаа илэрхийлэх байх.

-Хүн ам өсөхийн хэрээр гишүүдийн тоог нэмэх шаардлагатай гэдэг юм билээ?

-Бидний зүгээс 108 гишүүнтэй байх саналыг зөвшөөрөхгүй гэсэн саналтай байгаа. Өнөөдөр гишүүдийн тоо 76 байгаа нь нийгэмд тийм ч онц дүн авахгүй байна. Орж ирж байгаа гишүүд хариуцлагагүй, буруу алхам хийгээд байгаад л гол учир байгаа болохоос тоондоо биш шүү дээ. Нэн тэргүүнд гишүүд шат дамжиж, босго давж орж ирдэг болмоор байгаа юм. Үүнд бид анхаарах хэрэгтэй. Энэ хүрээнд Намуудын тухай хуульд анхаармаар байна. Зөв хүнээ сонгодог тогтолцоог бий болгох нь чухал байна. Тэр гишүүдийг оруулж ирэхдээ мөнгөөр нь биш, чадварыг нь харж сонгодог байх хэрэгтэй. Эрх мэдлийн хуваарилалт дээр ч тэр. Түүнчлэн сонгуульд дахин иргэдийнхээ эрхийг баталгаажуулаад орж ирэх процесс зөв явж байна уу, үгүй юу гэдгийг харах хэрэгтэй. Энэ бүхнийг шийдсэний дараа л гишүүдийн тоог ярих ёстой. Яг энэ дотор нь байгаа хүний хувьд тоо ярихаасаа илүү бид өөрсдөө чанаржих хэрэгтэй л гэж бодож байна.

Бидний гаргаж байгаа бодлого ард иргэдэд хүрдэг баймаар байгаа юм. Жишээ нь, сул гишүүдээс маш олон санал гардаг л даа. Гэтэл засаглал бариад явж байгаа хэдэн хүний санаагаар л бодлого гардаг. Бид наана нь мянга зөв яриад ажил болохгүй байгаа юм.

-Таны хувьд ажлаа хийж чадахгүй бол УИХ тарах хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлдэг. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр сонгуулийн тогтолцоогоо сайжруулахыг зорьж байна. Ажлаа хийж чаддаг УИХ бүрдэх боломж нөхцөлийг бүрдүүлж чадах болов уу?

-Ард түмэн дээрээ очих улаан нүүр байгаа юм бол буцаад гүйгээд очъё, Уи х таръя гэж би хэлж байсан л даа. хувь улстөрчийн хувьд иргэддээ өгсөн амлалтаа биелүүлж чадаж байна уу, үгүй гэдгээ мэдэхийн тулд Уи х тарсан нь дээр гэж хэд хэдэн удаа хэлсэн юм. хариуцлагын асуудал зайлшгүй байх ёстой. Олон улсад сонгуулийн тогтолцоогоо холимог байлгадаг жишгүүд байдаг. Гэхдээ тэдгээрийн ихэнхэд нь улс төрийн намууд төлөвшчихсөн. харин манай нөхцөл байдалд аль нэг нам, нэрийн хуудасны ард хэн, ямар хүн орж ирэх нь таашгүй болчих нь. 54 хүний нэр жагсаачихсан хуудас байлаа гэхэд бидэнд танигдахгүй. Танигдах бололцоо ч алга байна. Тэгэхээр хүн хүссэн хүсээгүй эхний 10 нь л аятайхан, мундаг хүн байгаа байлгүй гэж бодох боломжтой. Дээр хэлсэнчлэн улаан нүүрээрээ ард иргэдтэйгээ тулгарахад тэд сайн, муу, сайхан, муухайг нь хэлээд л, үнэлээд л өгнө. Сонгуулийн үед сонгогчдод мөнгө төгрөг өгдөг гэх зэрэг янз бүрийн зүйл ярьдаг л даа. Түүнтэй холбоод үзэх юм бол энэ мажоритор тогтолцоог халж болмооргүй байгаа юм. Нэг нэр дэвшлээ ч чадалгүй, хийсэн зүйлгүй нь дахин сонгогдож чадахгүй. Нэг нэр дэвшээд алга болж байгаа хүмүүс олон бий. Тиймээс баруун, зүүнээрээ итгэлээ хүлээлцдэг шударга л тогтолцоо гэж хардаг. Иймд үүн дээрээ гишүүдийн тоогоо айхавтар нэмэх шаардлагагүй. Харин үүнд тавих хяналтуудаа сайжруулах ёстой. Сонгуулийн үеэр мөнгө, төгрөгийн асуудал байдаг л гэлцдэг. Өнгөрсөн сонгуулиар л лав миний мэдэхээр тийм зүйл болоогүй. Хууль бол тун хатуу шүү дээ. Сонгууль цэгцтэй, тун хатуу болсон.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно гэж тусгасан. Сонгууль дөхмөгц эрх баригч нам өөрсдөдөө зориулж Сонгуулийн тухай хууль өөрчилдөг байдлыг халах зөв зохицуулалт боллоо гэж харж байгаа. Энэ тухайд?

-Мажоритор тогтолцоогоор явахаар дахиад хүмүүс сонгогддоггүй юм аа гээд байгаа юм. заавал унадаг гэдэг. Миний хувьд үүнийг хүн нь муу болохоор л уначихаад байх гэж ойлгодог. Асуудал хүндээ л байгаа хэрэг. үүнийг мажоритор тогтолцоогоор байна гээд л тусгачихсан юм бол гишүүд тойрогтоо очиж таалагдахын тулд их хичээнэ. Муу тал нь тойрог руугаа эдийн засгаа хэт татчих гээд байж болох юм. үүнийг засах нэг арга бий. Бид Байнгын хорооны хурал дээр эдийн засгийн урт хугацааны бодлого бий болгоё гэж санал оруулсан. Гэхдээ дэмжигдэж өгөөгүй л дээ. хэрэв зээ мажоритор тогтолцоогоор явна гээд сонгочихвол зөрүүлээд эдийн засгийн бодлого бий болгох ёстой. Тэнд хэн нэгэн Ерөнхий сайд гарч ирэнгүүтээ бодлогыг өөрийнхөө бодлоор үгүйсгэдэг, мөн нэг сайд нь очингуутаа гэв гэнэт ухаантай амьтан болж асуудлыг өөрчлөөд явдаг байж болохгүй. Бүх зүйл эдийн засгийн бодлогынхоо хүрээнд л байх ёстой. Дорж, Дондогийн аль нь ч сайд боллоо гэсэн том эдийн засгийнхаа урт хугацааны бодлогод нийцүүлэх учиртай юм. үүнийгээ л сайн биелүүлсэн бол онц сайд байх ёстой гэсэн үг. Түүнээс гайхалтай мундаг байх албагүй. Бодлогодоо нийцүүлж хэрэгжүүлэхийн тулд мэргэжлийн сайд нь ажиллах нь чухал. Мажоритор тогтолцоогоор тойрог, тойрог руугаа зулгаах гэхээс илүү том бодлого дотор баригдаж, Сангийн яам үүнийг хянаад явна. Үүн дээр урд хөршийн жишээг хэлж болно. БНхАУ-д хүч шинэтгэлийн хороо гэж байдаг. Тэрхүү хороо том бодлогыг нь барьж явдаг. Ямар ч сайд дураараа том толгойлж үг ярьж чаддаггүй. үүгээр л бид мажоритор тогтолцооны жижиг сул талыг хааж чадна.

-Сөрөг хүчний зүгээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх саналыг оруулсан. МАН-ын бүлгийн даргын мэдээллэж байгаагаар энэ саналыг хүлээж авах боломжгүй гэж байна. Та хувь гишүүний зүгээс юу гэж үзэж байгаа вэ?

-Сөрөг хүчнийх зөв санал байж магадгүй. үгүй бол бидний өнөөдрийн тогтолцоон дээр хэн Ерөнхийлөгч хийхээс үл хамаараад эрх мэдлээ булаацалдах нөхцөл байдал гарч ирээд байна. үүнд бид хатуу хаалт хийж чадахгүй байгаа. Өнөөдөр үАБз дээр ярьсан бодлого төрийн бодлого бол хувирах гээд байна. Угтаа бол үАБз зөвлөмж гаргадаг шүү дээ. Тэрхүү зөвлөмжийг биелүүлэх ч албагүй. Төрийн бодлого зөв, буруу эсэхийг хөндлөнгөөс энэ гурван хүн хянаж байх л зарчимтай юм. энэ мэт шалтгаанаас улбаалаад Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь тийм ч буруу зүйл биш. эцсийн эцэст бид том толгойтойдоо л эдийн засгийн асуудлуудад алдаа гаргаж байгаа. Улс орноо авч явах боломж бололцоо байна гэж хүн бүр мэдэж байгаа мөртлөө бодлого гарч өгөхгүй байна.

Та бүхэн мэдэж байгаа байх. Би “Шинэ хөдөө” гэж их л ярьж байна. Миний барьж байгаа бодлого бол “иргэн болгон баяжигтун” л юм. Бид ажлын байрыг бий болгоё л гэцгээдэг. Төрийн албыг өргөтгөөд ажлын байр бий болгохгүй шүү дээ. Тэр ажлын байрыг аж ахуй нэгж, хувийн хэвшил л бий болгоно. үүнийг л хөгжүүлье гэж байгаа юм. Харин үүнийг яагаад бодлого болгохгүй байна вэ гэдэг нь сонин. эцсийн эцэст хүн хийх ажилтай, санхүүгийн хараат бус бол үр хүүхдүүдээ хүмүүжүүлж, боловсролтой болгон, эрүүл мэндэд нь анхаарч чадна. Төр бүх зүйлийн урдуур ороод байх шаардлагагүй болно гэсэн үг. хувь хүний боловсрол, эдийн засгийн чадамжийг сайжруулах чинь л улс орны хөгжлийн түлхүүр болчихоод байна шүү дээ.

-Та сайд байсан хүний хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөндөгдөж буй давхар дээлний асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Яг үнэндээ миний хувьд эргэлздэг болж байна. Анхандаа засгийн газар унагаах гэх асуудалтай нь холбож, тэр өнцгөөр нь энэ нөхцөл байдлыг харж байсан байх. хэтэрхий эрх мэдэл бүхий Ерөнхий сайд гарчих, тэр нь давхар дээлийг бий болгож, тэдгээр нь үгэнд орохгүй нөхцөл үүсгэнэ гэх зэргээр бодох болов уу. Тэгэхээр логик утгаараа яагаад хүлээн зөвшөөрсөн мөрийн хөтөлбөртэй нам нь эрхээ барьдаг юм бэ, эрх мэдлээ хуваарилж авдаг юм бэ. хэдэн хүн сууж байгаад улс орноо хөгжүүлэх мөрийн хөтөлбөр зохиолоо гэж бодъё.

Түүнд нь олон ургалч үзэл гарна. Эцэст нь тэрхүү мөрийн хөтөлбөрөө боловсруулахад оролцсон нэгэндээ хэрэгжүүлэх үүрэг оноож, сайд болгодог. Мөрийн хөтөлбөрөө хэрхэн боловсруулсан, яаж хэрэгжүүлэх талаар тэрээр сонссон, мэдэж байгаа учраас тэр. Тэс хөндлөнгийн хүнийг сайдаар тавихаас илүү дотор нь байсан хүн илүүтэй мэднэ шүү дээ. Түүнтэй адилхан парламент дотроо маргалдаад л, хэлэлцээд, санал бодлоо хуваалцаад байна гэдэг бодлогоо олон ургалч үзлээр боловсруулаад л байгаа хэрэг. Түүнийгээ энэ дотор сууж байгаа хүн нь цааш аваад явахад илүү дөхөм юм. Тийм ч учраас 62 гишүүний өргөн барьсан төсөл дэх дөрвөн гишүүн нь давхар дээлтэй байх саналыг дэмжиж байгаа юм. Ядаж дөрөв нь парламентаасаа сонгогддог байх хэрэгтэй. Засгийн газрын гишүүд бүгд гаднаасаа байх юм бол ямар ч хяналтгүй болчих эрсдэлтэй. Бид нарын яриад байгаа зүйл тэнд хэрэгжихгүй байж мэднэ.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангахтай холбоотой зохицуулалтууд орохоор яригдаж байна. харин ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл дэх шүүх засаглалтай холбоотой саналыг шүүмжлэх хүмүүс олон байна л даа.

-Шүүхийн зохицуулалтыг маш сайн харах хэрэгтэй. Хараат бус шүүх зайлшгүй байх хэрэгтэй. Тэгж байж толгойдоо тогшуулахгүй, хажуугаасаа ёвруулахгүй байж чадна. Энэ тохиолдолд Шүүх шударга, цэвэр ажиллана. Зарим зүйл дээр Үндсэн хууль ерөнхий байх ёстой гээд байна л даа. Бид ерөнхий зүйлээс болж дандаа л алдаж байгаа. Ядаж иргэдийн эрх ашгийг хамгаалж мөн хохироох нөхцөлийг бүрдүүлж чадах шүүхийн хараат бус байдалд гоц анхаарах ёстой юм.

-Засгийн газартай холбоотой асуудал хөндөгдөж, эрх баригч нам ждү, 60 тэрбумаараа дахин талцаж байна гэх зүйл яригдах болжээ. Ерөнхий сайдын ойрын үед хийж буй эрс шийдэмгий мэдэгдлүүдийг тэрхүү нөхцөл байдалтай холбож тайлбарлаж болох уу?

-20 гаруй гишүүн Засгийн газрын асуудлыг хөндөх нь гэх болж. Санаатайгаар ийм мэдээлэл явуулаад байна уу, ямар учиртай байдаг юм, үүнийхээ учрыг олоорой гэж бүлгийнхэндээ хэлсэн. Ийм цуурхал л яваад байна гэж харж байгаа.

Намын даргын шинэчлэл хийнэ гэж байгаатай би санал нэг байгаа. Энэ нийгэмд ийм зүйл зайлшгүй хэрэгтэй. Энэ бол зориг гаргаж хийж байгаа том ажил. Гэхдээ буруу яваад байгаа зүйл бий. Би төрд олон жил ажилласан болоод ч тэр үү асуудлыг тухай бүрт нь шийдээд явчихаар санагдаад байгаа юм. Жишээ нь, уул уурхайн лицензийг хууль бусаар өгсөн гэх асуудал гарч ирсэн бол лиценз өгсөн хүнд нь хариуцлага тооцох хэрэгтэй. Тэр хүн нь ямар учраас хууль бус лиценз өгсөн гэдгээ хэлнэ шүү дээ.

-Төр шүүхийн үүрэг гүйцэтгэж байгаа хэрэг биш үү?

-Харин журмаараа явж байгаа хэлбэр болно. Одоо шүүхийн үүрэг гүйцэтгээд байна шүү дээ. Хариуцлага алдсан хүнийг нь, гол цэгийг нь олж тогтоогоод л хариуцлага тооцчихно гэсэн үг. Ингэж чадвал тун амархан цэгцэрнэ.

Засгийн газар унах асуудал хөндөгдөх эрсдэл байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ сонгууль ойртож байгаа энэ үед эрх баригч нам сандал, ширээнийхээ асуудлыг хойш тавьж, мөрийн хөтөлбөрийнхөө биелэлтэд анхаарах нь чухал биш үү?

-Ер нь төр, засаг солигдоход нөлөөлдөг хүчин зүйл нь уул уурхайн ашиг сонирхол байх гэж хардаг. Тиймээс төрийн алба, шүүх засаглал зэргийг ямар ч нам, засаг, даргад атгагдаад байхааргүй зохицуулалтыг энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийж өгөх ёстой. Ингэж гэмээнэ эрх мэдлийн төлөөх тэмцэл буурна. Үүний цаадах шиг сонирхол нь арилна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Чойжилсүрэн: Тэр лицензийг өөр нэг хүн эзэмшиж байсан бол ийм асуудал гарахгүй, улс төрд орсны минь л үр дагавар байх

-ЛИЦЕНЗИЙГ НАДААС ШИЛЖҮҮЛЖ АВАХ ҮЕД НӨХӨН ОЛГОВОР НЬ 50 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙСАН. ТЭР ЗАСГИЙН ГАЗАРТ ӨГӨХ МӨНГӨ БАЙСАН УУ-

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн баталсан. Ингэснээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хувь эзэмшдэг гэгддэг “Сауд гоби коал транс” компани Тост, Тосон бумын нуруунд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Мөн АМГТГ-ын Кадастрын даргын шийдвэрээр “Сауд гоби коал транс” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлаад байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа.


-“Сауд гоби коал транс” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Уг зөвшөөрөлд хууль бус зүйл байсан уу. Таны хувьд нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Одоо шалгах юм гэсэн. Сайн шалгаад хууль зөрчсөн үйлдэл байгаа эсэхийг тогтоох биз. Тогтоогдохгүй бол шийдвэрээ нягталж үзвэл зүгээр л байх. Би хэвлэл мэдээлэл, сошиалын хэмжээнд л мэдээлэлтэй байна. Цуцалсан л гэнэ, тусгай хамгаалалтад авсан л юм гэнэ. Эдгээр зүйлсийн талаар бичгээр мэдээлэл авмаар байна. Яг юу болоод байгааг нь гүйцэт ойлгоё. Үнэнийг хэлэхэд ойлгож байгаа ч юм алга.

-“Сауд гоби коал транс” компанид өгсөн ашигт малтмалын лицензийн бичиг баримт чинь хуурамчаар үйлдэгдсэн байна. Багийн иргэдийн нийтийн хурал хуралдаж байж тогтоол шийдвэр гарах ёстой. Гэтэл хуралдуулахгүйгээр албан тоот бичээд, БОАЖЯ-руу явуулчихсан” гэж Ерөнхий сайд хэлсэн л дээ. Ингэж хууль зөрчсөн зүйл байгаа юу?

-Яг үнэнийг хэлэхэд би 2010 оны төгсгөлөөр энэ лицензийг худалдаж авсан юм. Тэгээд 2016 оны долдугаар сард зарсан. Надаас өмнө буюу 2004 онд олгогдсон лиценз юм байна лээ. Есөн жилийн хугацаатай шүү дээ. Миний хувьд долоон жил гарантай болчихсон байхад нь худалдаж авсан юм. Түүний дараагаар хайгуул хийгээд ашиглалтын зөвшөөрлийг нь аваад, шилжүүлсэн.

Одоогоор уурхай дээр нь цагдаа нар очоод бөөн л асуудал үүсгэж байгаа юм билээ. “Сауд гоби коэл транс” компанийн хүмүүс ирэх байх. Тэгэхээр нь уулзъя. энэ яригдаад байгаа зүйлийн талаар цаасаар авъя.

-Тань дээр албан бичгээр ямар нэгэн мэдэгдэл, шийдвэр ирээгүй байгаа юм байна, тийм үү?

-Надад цаасаар авсан мэдэгдэл алга. Тэр компанийн залуучууд мэдэгдэл зэргийг авсан бол юу болсон, ямар учиртай талаар нарийн мэдээлэл авмаар байна.

-Энэ асуудалд улс төр ороод байгаа юм биш үү?

-Шууд тэгж дүгнэж болохоор байгаа биз дээ. хэдэн хүн авчраад л зохиомлоор, тавилттайгаар орилуулчихдаг. Ард түмний нэр бариад л.

-Таныг энэ асуудлаар дарж авах гэсэн юм биш үү. Түүний хоморгонд хувийн хэвшлийг хэлмэгдүүлээд байна гэж харагдхаар байна л даа.

-Тэр лицензийг шилжүүлж авсан залуус надтай холбогдсоноороо үнэхээр хэлмэгдчихлээ, хөөрхий. Тэнд урьд нь есөн уурхай байсан. 10 дахь нь болж орсон. Зэрэгцээ уурхайнууд гэсэн үг шүү дээ. Дахиад ч дөрөв, таван уурхай хүсэлтээ өгчихсөн байгаа юм билээ. Гэтэл ганцханыг нь л яриад байгаа биз дээ.

-Одоо бүгдийнх нь лицензийг цуцлахаар болж байх шиг байна.

-Үгүй байлгүй дээ. Тэгээд МАК-аас эхлээд бүгдийг нь хаах юм уу.

-Тийм шийдвэр гаргасныг бодоход хаах л болж таарах нь.

-Энэ улс чинь валют олох шаардлагатай шүү дээ. Би цаасаар мэдээлэл аваагүй болохоор тодорхой зүйл хэлж чадахгүй байна.

-Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, байгаль орчинд хохирол учруулсан үндэслэлээр лицензийг цуцалсан тул нөхөн олговор олгохгүй гэж байна л даа. “Сауд гоби коэл транс” компаниас хичнээн хэмжээний хөрөнгө зарцуулсан бол?

-Ойролцоогоор 130 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон гэсэн сурагтай байна лээ. Гэхдээ яг нарийн тоог нь би мэдэхгүй. Над дээр байх үедээ 50 хэдэн тэрбум буюу 20 гаруй сая ам.доллар болчихсон байсан юм. Би энэ лицензийг тухайн үед 3.600 мянган ам.доллараар буюу хоёр тэрбум төгрөгөөр худалдаж авсан байх. Түүний дараа өөрийнхөө эх үүсвэрээр 6-7 сая ам.долларын хайгуул хийгээд, компанийн мөнгө хүрэлцэхгүй болохоор нь банкнаас зээл авч оруулаад 20 хэдэн сая ам.доллар болсон байх. Нарийн тоонууд нь балансан дээр бүгд байгаа.

-Нөхөн олговор олгохгүй гэх нөхцөл байдал үнэхээр үүсчихвэл яах вэ?

-харъя. Ардчилсан нийгэмд амьдардаг л гэж бодож байгаа. Улс төр байлгүй дээ. Улс төр хөрөөд бодит амьдрал дээр тулахаар одоо яах юм байгаа.

-Ерөнхий сайд тантай уулзаж Тост, Тосон бумбын нурууг битгий ух гэж сануулсан юм уу. Та тэр үед ямар байр суурь илэрхийлж байсан юм бэ?

-Өнгөрсөн жил нэг уулзсан. “чойжилсүрэн чи ашиглахгүй байж болдоггүй юм уу” гэж хэлсэн. Би нэгэнт 2016 онд шилжүүлчихсэн байсан болохоор миний эрх хэмжээнээс давчихсан байсан асуудал.

-Таны дүү, эсвэл ойрын хамаатан дээр чинь “Сауд гоби коэл транс” компани байдаг юм биш үү?

-Тэр миний дүү биш ээ.

-Ашиглаж байгаа ордын нөөц хэр хэмжээтэй вэ?

-Нөөц холбоотой мэдээлэл тэр хайгуулынх нь тайлан дээр байгаа. Бодит нөөц, таамаг нөөц, А, B, C гээд байдаг. Тайланг нь харж байж хэлэхгүй бол, олон түмэнд буруу ташаа мэдээлэл өгчих байх.

-Таныг Сангийн сайд байхдаа Засгийн газарт нөлөөлөөд тусгай хамгаалалтад авах газрынх нь хэмжээг өөрчилсөн гэдэг зүйл яригддаг. Засгийн газар тусгай хамгаалалтад авах газар нутгийн хэмжээг тогтоохдоо тэрхүү уурхайг тойруулсан гэдэг. Энэ тухайд?

-Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар хэрвээ улсын тусгай хамгаалалтад авах гэж байгаа бол нөхөн олговор өгөх хуультай. ийм хуулийн заалтууд бий. Лицензийг надаас шилжүүлж авах үед нөхөн олговор нь тухайн үеийн ханшаар 50 гаруй тэрбум төгрөг байгаа юм. Тэр үед засгийн газарт өгөх мөнгө байсан юм уу.

Хэрвээ би Сангийн сайд хэрнээ өөртөө нөхөн олговор авчихвал ард түмэнд хэр зөв харагдах уу. Надтай холбогдож байгаа учраас гэх мэтээр яригдана. 2016 оны хүртэл надад байсан нь үнэн. Хэрэв авчихсан байсан бол юу гэх байсан бол.

-Өөртөө нөхөн олговор авлаа гэж шүүмжилнэ л дээ.

-Тэгнэ биз. Ийм л юм.

-Ерөнхий сайд Цагдаагийн даргад машин, техник хэрэгслийг нь журамла гэсэн үүрэг өгсөн. Журамласан болов уу?

-Мэдэхгүй байна. Хураасан юм байлгүй. Би мэдээлэлгүй байна.

-Хүмүүс таныг л эзэмшиж байгаа гэж ойлгож байна л даа.

-Уг нь би хэд хэдэн удаа тайлбарласан. Албаар нөгөө тийш нь мушгиад байгаа юм. Тус компани 130 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт алдаж байгаа нь Монголын хувийн хэвшлийн түүхэн дэх хамгийн том алдагдал байх. Уг нь бол мөнчгөрөөрөө л яваа юм шүү дээ. Хэдэн зуун биш, хэдэн мянган шөнийн нойр хугасласан хөдөлмөр байгаа даа, яг үнэндээ. Хүний бүхэл бүтэн амьдрал, нэг компани. Одоо 700 гаруй хүн ажилгүй болж байгаа сурагтай байна.

Тэдгээрийн цалинг яаж өгөх үү. Нийгмийн даатгалаа яаж төлөх үү. Урьдчилгаа болгоод авчихсан төлбөр мөнгө гэж байдаг тэрнийгээ яаж төлөх үү. Асуудал их л хүнд байгаа байх.

-Та энэ асуудлын ард хэн байгаа гэж бодож байна вэ. Ерөнхий сайд байгаа нь үнэн юм уу?

-Нотлоогүй учраас нотолгоогүй юм ярьж чадахгүй байна. Таамаг төдий зүйлээр нийгмийг шуугиулаад байх нь ёс зүйгүй зүйл. Би нотолгоотой, цаасан дээр буусан, харсан зүйлээ яримаар байна. Ер нь бол 2004 онд гадаадын компанид олгогдсон лиценз юм байна лээ. Олон талбайтай байсан. Хайгуул хийх төсвөө баталж байхдаа энэ талбайд цаашид хайгуулаа үргэлжлүүлэх нь утга муутай байна гээд л заръя гэж шийдсэн юм билээ. Гадаадын компани Монголд татвар төлөгч биш учраас худалдан авагч талд нь 20 хувийг нь суутгадаг хуультай. Тэр 3.600 мянган ам.доллараас 720 мянган ам.долларыг нь Монгол Улс суутгаж авсан. Ингээд 2.880 мянган ам.долларыг нь байна уу даа цаад эздэд нь шилжүүлээд өгч байсан юмдаг.

Түүнээс би гишүүн болчихоод Ашигт малтмалын газар, орон нутгийнхантай хувилдаж бичүүлээд авчихсан бол хардана шүү дээ. Хууль зөрчсөн байна но бий гээд л. Ийм л түүхтэй юм. Тиймээс эргэж цааснуудаа гаргая, түүхүүдээ харъя, цаастай ярья. Монголын нийгэмд баялгийн хуваарилалт гэж юм бий. Нэг хэсэг нь хэт их баяжчихлаа, хэтэрхий их шуналтай байна гэдэг. Тэр дотор нь би тун тохиромжтой дүр байгаа юм. УИХ-ын гишүүн дээрээс нь бизнестэй учраас. Мань мэтийн хүмүүсийг ардын дайсан болгож нэг хэсэг хүмүүс ардын баатар болж байна. Ийм л амьдрал юм.

-Танд энэ хэр их асуудал учруулж байна?

-Хууль зүйн хувьд надад асуудал алга. Лиценз шилжүүлж авсан залуус надтай холбогдсоноороо хохирчихлоо. Хэрвээ Чойжилсүрэн бус өөр нэг хүн бүр гадны хүн байсан бол асуудалгүй байх. Тэгэхээр би тэр залуусын өмнө ёс зүйн хувьд том цохилтод орж байгаа нь үнэн. Мөрөөрөө амьдарч байсан хүмүүст гай болж байна. Хууль зүйн хувьд шалгаж тогтоогоод нэг талдаа гарсан нь дээр.

-Эхлээд шалгаж тогтоогоогүй хэрэг үү?

-Дөнгөж нээж байгаа уурхайг нөхөн сэргээлтээ хийгээгүй гэж дүгнэсэн байна гэсэн. Логикоор бол нөөцөө олборлоод авсны дараа нөхөн сэргээлт хийнэ биз дээ.

Шилжүүлж авсан залуус тооцоолшгүй л алдагдал руу унасан байх. Яг ямар бэрхшээлүүд гарсан талаар тэдгээр залуустай уулзаж асуух болно. Дахин хэлэхэд, хэрвээ тэр лицензийг өөр нэг хүн, гадны иргэн эзэмшиж байсан бол ямар ч асуудалгүй. Асуудал надад байгаа байх. Миний улс төрд орсны л үр дагавар. Түүнээс залуучуудын асуудал биш байх гэж бодож байна. Тэртэй тэргүй л зэрэгцээ байгаа уурхайнууд шүү дээ. Өмнө нь ирсэн уурхай ч ажиллаад явж байгаа. Бүр Тостын нуруун дотроо ороод олборлолт явуулж байгаа компани ч бий. Тэр компаниудын техник хэрэгслээс ирвэс, ан амьтан нь айдаггүй, бүр дасчихсан юм шиг байна лээ. Ганцхан миний нэр холбогдсон “Сауд гоби коал транс” компанийнх л аюултай байгаа юм байлгүй. “МАК”, “Эс Чи Эс” гээд өчнөөн л компаниуд бий. Тэд бүгд л Тосон бумба биш, Тостын нуруун дотроо байгаа. Миний хувьд тэр талбай дээр хоёр удаа очиж үзсэн.

Ер нь сэтгэгдлүүдийг хараад байхад 70-80 хувь нь намайг гишүүн, хоёрдугаарт, барилгын бизнес эрхэлдэг гэдгээр нь “Ямар шуналтай юм бэ” л гэсэн мессэжийг л ард түмэнд өгч байна.

-Таныг Ерөнхий сайд хүртэл “Яасан ханаж цаддаггүй шуналтай хүн бэ” гэсэн байна лээ.

-Шуналын тухай бол ярина аа, ярина. Юуг шунал гэдэг вэ гэдгийг задалж ярья гэж бодож байгаа.

-Манай улс хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэдээ ямархуу ханддаг гэж та хардаг вэ. Орчин нөхцөл нь таатай байж чаддаг уу?

-Миний хувьд зүгээр л хөдөлмөрөөрөө амьдаръя гэсэн бодол, зорилготой яваа шүү дээ. Би ОХУ-д сурч байсан. Гуравдугаар курсдээ оюутнууд өвлийн амралтаар Монгол руу буцдаг. Тэр үед буюу 1991 оны хоёрдугаар сарын 21-нд би хамтарсан компаниа байгуулаад явсан. Тэр өдөр, тэр үед надад би эргэж ирээд улс төрд орно, гишүүн болно гэх асуудал зүүдэнд ч байгаагүй зүйл л дээ. Түүнээс хойш л бизнест орсон. Хурд гэсэн дөрвөн үсгийг магнайн дээрээ тамгалж авсан нь үнэн. Харин 2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогчоор ажиллах болсон.

Ерөнхийдөө бизнес эрхлээд явахад хүнд шүү дээ. Зөндөө л асуудлууд байдаг. Гэхдээ энэ бол миний 20 настай, гуравдугаар курсийн оюутан байхдаа сонгочихсон амьдрал. Тэр үед 20, 30 жилийн дараа ийм зүйл болохыг тааварлачихаж ч чадаагүй байсан. Би Увс аймгийн төв дээр төрж өссөн, жирийн л сэхээтэн айлын хүү. Аав минь малын эмч, ээж минь хүний эмч. Аравдугаар ангиа төгсөөд л ОХУ-руу сурахаар явсан.


Categories
мэдээ цаг-үе

З.Энхболд: АНУ-ын айлчлалын гол зорилго нь Монголын ноолуур, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн татваргүй ордог хуулийг дэмжүүлэх байсан

-ИРЭХ САРЫН 3-НД ЕРӨНХИЙЛӨГЧ ПУТИНЫ АЙЛЧЛАЛААР ОХУ-ТАЙ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭГЭЭ ИЖ БҮРЭН БОЛГОЖ ТҮВШИН АХИУЛНА-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.


-Монгол Улс АНУ-тай стратегийн түншлэлтэй боллоо. Энэхүү үйл явдлыг та бүхэн олзуурхан хүлээж авч байгаа байх?

-Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр шийдэгдсэн асуудал юм. Өнгөрсөн жилийн Ерөнхий сайдын айлчлалын үеэр яригдаад холбогдох газруудаараа хэлэлцэж, хамтарсан мэдэгдэл гаргая гэдэг дээр тохирчихсон байсан. Төлөвлөгөөнийхөө дагуу явж буй ажил.Монгол Улс ОХУ, БнХАУ, Энэтхэг, Япон гэсэн дөрвөн улстай стратегийн түншлэлтэй байсан бол АнУ тав дахь нь болж байна.

-Монгол Улсад илүүтэй үр өгөөж өгнө гэдэг утгаар манай талаас яаравчилсан зүйл бий юү?

-Ашигтай, ашиггүйг ойрын хугацаанд ярихгүй л дээ.Монгол, АнУ дипломат харилцаа тогтоосноосоо хойш 30 гаруй жил болчихлоо.Хүрэх ёстой түвшиндээ л хүрч байгаа айлчлал.Бид хоёр хөрштэйгөө стратегийн түншлэл байгуулаад удаж байгаа. БнХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлтэй болчихсон. Ирэх сард ОХУ-ын ерөнхийлөгч Путин Монголд айлчилна. Айлчлалынхаа үеэр 1991 оны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна. Ингэснээр манай улс хоёр хөрштэйгөө хоёулантай нь иж бүрэн стратегийн түншлэлтэй болно.АНУ деклараци учраас гарын үсэг зураагүй. Хоёр хөршийн тухайд энэ тохиолдолд Ерөнхийлөгч нар нь гарын үсэг зурдаг. Тийм арга хэмжээ ирэх сард болно гэсэн үг. Одоо бэлтгэл ажил тохирох шатанд явж байна.

-Гуравдагч хөршийн тухай хуулийг ирэх намартаа батлагдчих болов уу гэсэн таамаг байна.

-Конгрессийн дээд, доод танхимын гишүүд дэмжиж байгаа. Өргөн барьчихсан, хэлэлцэгдэж эхлээгүй байна. Д.Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш урд нь байгуулсан чөлөөт худалдааны гэрээнүүдээ бүгдийг нь шинээр харж, заримыг нь зогсоосон.Канад болон Мексик улстай байгуулсан гэрээгээ нэлээд өөрчилж, өөртөө ашигтайгаар батлах гээд хүлээж байна.Ийм нөхцөлд зөвхөн Монгол Улсад зориулаад тэр дундаа ноолуур болон оёмол сүлжмэлийн салбарт чөлөөт худалдааны гэрээ байгуулна гэдэг хүндрэлтэй.Тэр утгаараа энэ удаагийн айлчлалаар уг хуулийн ач холбогдлыг ерөнхийлөгч Д.Трампад ойлгуулах гол зорилготой байсан. Яагаад Монголын ноолуураар хийсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн татваргүй орох шаардлагатай вэ гэдгийг тайлбарлахыг зорьсон, тэр амжилттай болсон. Ганцаарчлан уулзалт таван минут биш, 40 минут болж сунжирсан нь ч энэ асуудалтай холбоотой. Хуучин зөвхөн хууль тогтоох засаглал, АНУ Конгресс сенатын гишүүдэд тайлбарладаг байсан бол энэ удаад гүйцэтгэх засаглал нь нэмэгдэж байгаа гэсэн үг. Энэ ондоо багтааж хуулиа батлуулах тал дээр Вашингтон дахь манай Элчин сайдын яам ажиллаж байгаа.

-АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан. Хоёр талын хуулийн байгууллага хамтран ажиллана гэдэг дээр байр суурь нэгдсэнээс гадна оффшорын асуудлыг анхаарч үзэхээр болов уу?

-АНУ, Монголын хооронд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байдаггүй. Тиймдээ ч хуулийн байгууллагууд төдийлөн харилцдаггүй байсан. Саяхан ажлаа өгсөн дарга нарт нь ч гэсэн харилцах хүсэл, зориг байгаагүй байх. Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газрын хуучин удирдлагууд гадаад харилцааны асуудалдаа төдийлөн анхаардаггүй байсан. Хэл устай ч хүн байгаагүй. Ирсэн бичгийг ч уншиж чаддаггүй байсан байх. Шинээр томилогдсон АТГ-ын дарга, Ерөнхий прокурор гадаад харилцаагаа эрчимжүүлж байна.

Дээрээс нь дэлхийн 140 гаруй орон гарын үсэг зурсан НҮБ-ын Авлигын эсрэг конвенц гэж байдаг. Түүний дагуу авлигалын замаар олсон эд хөрөнгийг буцааж өгөх, авлигалын мөнгөний урсгалыг хянах гэсэн хэд хэдэн чиглэлээр улс орнууд хамтран ажиллах заалтууд бий. Тэрхүү конвенцод гарын үсэг зурсан орнууд эрх зүйн харилцан тусламжийн гэрээтэй эсэхээсээ үл хамаараад бие биедээ туслах үүрэгтэй юм. Үүний хүрээнд Ерөнхийлөгч АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай буцах өдөрөө уулзаж, Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг танилцуулсан. Хоёр улсын Ерөнхий прокурорыг уулзуулж, хамтын ажиллагааг нь эхлүүлнэ гэдэг нь Ерөнхийлөгч Баттулгын зүгээс авлигатай тэмцэх, оффшор болон гадаадад нуусан хөрөнгийг буцаан авчрах тал дээр биечлэн анхаарч байгаагийн илрэл юм. Энэ сувагаа нээснээр НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын дагуу бие биедээ туслан ажиллах юм. Тухайлбал, АНУ-ын ямар нэгэн авлигач манай дээр ирээд байшин авчихсан байвал бид түүнийх нь байршлыг тогтоож өгөөд, тэдний шүүхийн шийдвэрээр байшинг нь хурааж аваад мөнгийг нь АНУ-руу шилжүүлэх үүрэгтэй. Түүнийг хариуцдаг газар нь манай Улсын ерөнхий прокурорын газар. Ерөнхий сайд асан С.Баярын АНУ- дахь10 байшинг илрүүлчихээд байна. Арав биш долоо гэх зэргээр маргалдаж магадгүй л байх. Гэхдээ С.Баярын хүүхдүүд, хуучин эхнэр гээд зөвхөн өөртэй нь холбоотой хүмүүсийнх нь нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө тийм байгаа шүү дээ. Оюу толгойн гэрээний дараагаас эхлээд л баяжаад эхэлсэн. Хэдэн сая ам.доллараар байшин худалдаж авах болсон. Яг ийм тохиолдолд ажилладаг энэ НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын дагуу улсууд бие биедээ туслах үүрэгтэй байдаг. Уулзалтаар мэдээж тодорхой хэрэг дээр ярихгүй шүү дээ. Хоёр улсын прокурорын байгууллагууд яаж хамтран ажиллах уу, хэрхэн шуурхай мэдээлэл солилцох вэ гэдгээ ярилцана. Тодорхой стандарт бий. Шүүхийн шийдвэргүйгээр тэр 10 байшинг бидэнд өгөхгүй. Энд авлигын хэргээр нь ял өгөөд, 10 байшинг нь хурааж авсугай гэсэн шийдвэр гараад түүний гүйцэтгэлийг АНУ-ын тал биелүүлж өгнө. Мөн тэр газарт, тийм овог, нэртэй хүний хөрөнгө байгаа талаар бидэнд мэдээлэл өгнө.Ийм маягаар хоёр улсын хууль тогтоох байгууллагыг хамтран ажиллуулахаар Ерөнхий прокурорыг дагуулж явсан.

-Манайхаас судлуулж, шийдүүлэхээр хүсч байгаа хэргүүд юу байна вэ?

-УЕПГ-аас асуух асуулт байна. Манай Ерөнхий прокурор Вашингтоны Элчин сайдын яаманд байдаг хүнд итгэмжлэл өгөөд, зөвхөн тэр хүн л АНУ-ын Хууль зүйн яам болон Монгол Улсын ерөнхий прокурорын газартай харьцана. Хэн дуртай нь ажиллаад байдаггүй юм билээ.Ямартаа ч тэр хүнээ томилоод ажилд нь оруулсан.

-С.Төмөрбат шүүгчийн талаар яригдсан уу?

-Тэрхүү шүүгчийн асуудал олон хүсэлтүүдийн нэг л байх. Аль ч улсад хэрэгт шалгагдаж байгаа хүн орчихвол тэр хүнийг гаргаж өгнө шүү дээ.

-АНУ-ыг ардчилсан орон гэдэг утгаар нь орогнол хүсэх явдал цөөнгүй байдаг. Энэ утгаараа АНУ хэрхэн хүлээж авах бол?

-Мөрдөн байцаалтаас зугтаасан хүнийг буцааж өгнө л дөө. Ардчилсан орон гээд авлигалчийг өмөөрөөд, орогнуулаад байж болохгүй. Авлигалын хэргийг бусад гэмт хэргээс онцгойлон үзэж, хурдан шуурхай хамтран ажилладаг л улс байгаа юм.

-Ерөнхийлөгч зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Энэ шийдвэр бүрэн эрхээ хасуулсан зарим шүүгч, болон хуульчдын эсэргүүцэлтэй тулгарсан.Энэ тухайд?

-Авлига авсан шүүгчдийг мөрдөн шалгахгүй яах юм бэ. Толгойг нь илээд суух хэрэг үү. Бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаа нь шалгах процессийг л эхлүүлж байгаа хэрэг шүү дээ. Хуулийн байгууллагадаа ажлаа хийх боломжийг нь олгох хэрэгтэй.Түдгэлзүүлэхгүйгээр шалгаж болдоггүй албан тушаалтнууд учраас ингэж байгаа юм.

-Дахиад бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах шүүгчид бий юү?

-Хуулийн байгууллага нь асуудлаа тавьбал Шүүхийн ерөнхий зөвлөл нь авч үзээд түдгэлзүүлэх асуудлаа оруулж ирнэ.

-Айлчлалаар “Наса”-гийнхантай уулзсан. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын зарим хэвлэлд АНУ Монголд бага болон дунд тусгалтай пуужин байрлуулах нь гэсэн мэдээлэл гарсан байсан. Үүнд та албан ёсны тайлбар өгөөч?

-Ямар ч утга учиргүй мэдээлэл. Тийм зүйл огт яригдаагүй. Тийм зүйл байж болохгүй. Гадаадын цэргийг оруулах эсэх чинь Үндсэн хуульд байдаг, боломжгүй асуудал, энэ талаар ярих ч боломжгүй. “Наса”-тай уулзсан нь пуужинтай ямар ч холбоогүй. 2030 оноос эхлээд Марс гараг руу аялах аялагчдын тоо хэдэн арван мянга болох гэж байна. Тийшээ явах хүмүүс сургалтад суух ёстой. Марс гарагтай төстэй -50, +50 градус хүртэл халж, хөрдөг, элстэй, ургамалгүй газар манай говьд байна. Манай хүн амьдардаггүй говьд байгаа юм. Марс руу явах хүмүүс манай говьд очоод байшингаа бариад, ногоогоо тариад амьдрах гэж үзэх ёстой. чадаж байвал Марс руу явах билетийг нь зарна. Хэрэв Марс руу явчихвал буцаж ирэхгүй, тэндхийн хүн болоод л үлдэнэ. Тийм хатуу байгальтай газар очиж амьдрах гэж байгаа хүмүүст зориулсан сургуулилтын баазаа манайд байгуулаач гэсэн юм. Бусад газруудад цөл байгаа боловч хүйтэрдэггүй.Манайд халах, хүйтрэх нь хоёулаа байдгаараа онцлог байгаа хэрэг. Энэ талаар Роскосмостой мөн ярьж байгаа. Марс руу явуулах хүмүүсээ манайд бэлдэж болно шүү гэж хэлсэн.

“Наса” пуужин хөөргөдөг байгууллага болохоос байрлуулдаггүй. Харин ч “Наса” сансрыг энхтайвны зорилгоор ашигладаг. Батлан хамгаалах яамтай нь уулзсан бол пуужин байрлуулах нь гэж хардаж болох л юм. Пуужин байрлуулна гэх цуурхлыг asiarussia.ru дээр мөн газрын ховроор АНУ-тай хамтран ажиллах нь гэж globaltimes.cn гэх англи хэлээр гардаг Хятадын вэб сайт дээр тавьсан байна лээ. Эдгээр мэдээнүүд бол худал мэдээлэл, айлчлалын үед аль ч уулзалт дээр яригдаагүй тул албан ёсоор няцаалт хийж байна.

-Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Батлан хамгаалахын сайд манайд айлчилсан нь пуужин байрлуулах нь гэх хардлагыг улам төрүүлчихсэн үү?

-Сайдын айлчлал, “Наса” хоёр хоорондоо ямар ч холбоогүй асуудал. Энэ удаад газрын ховроор хамтарч ажиллах тухай Д.Трамп ерөнхийлөгчийн уулзалтад байгаагүй. АНУ-ын Батлан хамгаалахын сайдын уулзалтад ч байгаагүй. Тэр талаар АНУ-аас ч санал хөндөөгүй учраас бид яриагүй. Хэдий Монгол Улс дэлхий дээр БНХАУ-ын дараа орох газрын ховрын нөөцтэй ч гэсэн ашиглалтынхаа технологийн хүндрэлээс болоод одоо хүртэл түүнийгээ ашиглаагүй. Байгаль орчинд хоргүй технологиор ашиглах ёстой шүү дээ. Тийм учраас энэ талаар globaltimes.cn дээр гарсан мэдээлэлд мөн албан ёсоор няцаалт өгч байна. Тийм зүйл огт байхгүй. Тэр бол ихээхэн анхаарал хандуулж, шүүмжлээд байх асуудал биш. Ердийн л компаниуд хоорондын хамтран ажилладаг асуудал.Цаг нь болохоор нэгдэх ёстой л зүйл.

-Та бүхний Марс руу зорчигчдыг Монголд бэлтгэх саналыг “Наса” хэрхэн хүлээж авав?

-Сонирхолтой санаа байна гэсэн. Энэ саналыг АН-ын Залуучуудын холбооны дарга С.Эрдэнэболд гаргасан юм. Түүнийг нь Ерөнхийлөгч зөв юм байна гэж дэмжээд, тэдний багийн нэг залуугаар “Наса”-ынханд танилцуулга хийлгэсэн юм.Монгол Улс бүрэн хүлээж авах боломжтой, шаардлагатай нөхцөлийг бүрдүүлж өгнө, дэлхий дээр цорын ганц манай улсад л ийм боломж байгаа шүү гэдгийг хэлсэн. “Наса”-гийн талаас хүн явуулж судлуулъя гэсэн. АНУ, Энэтхэг, ОХУ-ын сансрын байгууллага тэрхүү баазаа манайд байгуулбал манай улс 20, 30 мянган хүнийг Марсын зочид буудалд байлгаж, хэдэн сар амьдруулаад, сертификат бичиж өгөөд явуулаад байх нь. Тэрхүү сертификаттай хүмүүсийг Марс руу нисгэх нь байна. Сонсоход холын юм шиг мэт боловч энэ маш ойрын асуудал болчихсон. 2030 он болоход 11 жил л үлдсэн байна шүү дээ.

-Хөрш хоёр орны зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалыг хэрхэн дүгнэж байгаа бол. Та хэрхэн ажиглаж байна вэ?

-Манай улс дэлхийн бүх улс оронтой энхтайвнаар харилцахад хөрш хоёр орон огтоос дургүйцэхгүй. Харин ч баяр хүргэх ёстой байлгүй.

-Ерөнхийлөгч Сибирийн түймрийн талаар Д.Трампад хэлсэн гэдэг нь үнэн үү?

-“Та Путин Ерөнхийлөгчтэй яриад тусламж үзүүлээч” гэсэн тэр дор нь ярьсан, ОХУ-аас хариу ирэх хүртэл тэнд байсан. Таван минутын уулзалт нь 40 хүртэл үргэлжилсэн. Ярьсан, яриагүй гэх мэтээр янз бүрийн зүйл яригдаад байгаа учраас үүнийг хэлж байна. Сибирийн түймэр өөрөө зөвхөн ОХУ-ын асуудал биш болчихоод байгаа юм.Улаанбаатар, Хэнтий, Архангай, Хөвсгөл рүү гурав, дөрвөн өдөр утаатай байлаа. Зөвхөн утаа нь Монгол Улсад ингэж нөлөөлж байна. Дэлхий дээрх CO2-ийн хэмжээг шууд ихэсгэж байгаа. Ийм том гамшиг болж байхад гал түймэртэй тэмцэх талаар туршлагатай АНУ тусламж үзүүлээч ээ, энэ бол хүмүүнлэгийн тусламж шүү дээ гэсэн. Тэр хоёр улс хоорондоо туслах тухай яриад байх шиг байна лээ. Энэ үйл явдал цэвэр хөршийн хувьд санаа зовж байгаа хэрэг биш. Сибирийн түймэр зөвхөн ОХУ-ын л ажил биш болчихоод байгаа хэрэг. Учир нь шатаж байгаа талбай зарим үед дөрвөн сая га-д хүрсэн. Одоо хоёр сая га-гаас дотогшоо орж байна. Иймэрхүү зэргийн зүйл хоёр том улсын хооронд яригдах сэдлийг Ерөнхийлөгч Х.Баттулга нээж өгсөн. Бид хүмүүнлэгийн тусламжийг анх удаа үзүүлж байгаа юм биш. Эрхүү мужид болсон үерийн улмаас орон гэргүй болсон 42 хүүхдийг “Найрамдал” зусланд амрааж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлаад, ОХУ-д төгсөгчдийн холбоотой нийлээд тэрхүү ажлыг хийж байна. Ер нь бол хэцүү явж байгаа цагт нь туслах л хэрэгтэй. Түүнийг сурталчлаад байх хэрэггүй. Тиймдээ ч Сибирийн түймрийн талаар манай албан ёсны вэб сайтад байхгүй.

-Таныг Ц.Мөнх-Оргилтой өрсөлдөнө гэдгээ зарлачихсан учраас ажлаа өгч сонгуульдаа бэлдэх нь гэх юм. Та ажлаа өгөх үү?

-Сонгуульдаа бэлдэнэ шүү дээ.

-Хэзээ ажлаа өгөх вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлагдтал ажлаа хийнэ ээ. Ерөнхийлөгч Путины манайд хийх айлчлал, Ерөнхийлөгч Баттулгын Энэтхэгт хийх айлчлал бий. Иймэрхүү чухал ажлуудаа дуусгана л даа.

-ОХУ-ын ерөнхийлөгч Путины айлчлал хэр удаан үргэлжлэх вэ. Халхголын ойн хүрээнд л байх уу?

-Есдүгээр сарын 3-нд айлчилна. Түүний маргааш нь Алс Дорнодын эдийн засгийн форумд ирсэн зочдоо угтах учир 3-ныхаа орой нь буцна. Манай Ерөнхийлөгч мөн есдүгээр сарын 4-ний өглөө ниснэ. Гэхдээ Халхголын ой есдүгээр сарын 3-ныхаа өдөр болох юм биш. Өмнөх болон дараагийн долоо хоногт нь болно. Их олон үйл явдал болно.Түүний оргил нь есдүгээр сарын 3-ны өдөр байх юм.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ерөнхийлөгчөө дэлхий нийтэд муухайгаар харуулж байгаа нь өөрсөд рүүгээ л нулимж буй хэрэг

Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалыг үр дүнтэй боллоо хэмээн судлаачид ам сайтай байна. АНУ Монгол Улсын хувьд стратегийн түншлэлийн харилцаатай тав дахь улс болсон нь үүнийг илтгэж буй биз. АНУ-ын хувьд 17 улстай стратегийн түншлэлтэй. Тэдгээрт өндөр хөгжилтэй улсууд л багтдаг гэдгийг онцолъё. Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох зорилго бүхий Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн талаар энэ айлчлалаар хөндсөн. Уг хууль батлагдахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг хоёр талын төрийн тэргүүн нарын зүгээс илэрхийлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын Стратеги, олон улсын судалгааны төвд “Монгол-АНУ-ын харилцааны төлөв байдал” сэдвээр сэтгүүлч, эрдэмтэн судлаачидтай уулзалт, ярилцлага хийсэн. Таван минутын уулзалт 40 минут болон сунгагдсан гэх зэргээр арвин үйл явдалтай, үр дүнтэй айлчлал боллоо гэдгийг ч судлаачид хэлж байна.

Дипломат харилцаа гэдэг ангид, тусдаа, ойлгоход бэрх зүйл огт биш. Дипломат харилцаа гэдэг тухайн улс орон өөрийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, мөн нөгөө улсынхаа эрх ашгийг харгалзан үзэж, харилцан ашигтай байхыг хэлж буй. Энэ бүхэн хүн хоорондын харилцаан дээр л тогтоно. Тухайн лидерийн ур ухаан үүнд тун чухал. Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч цөөн хүн амтай, буурай орных гэсэн өнцгөөс бус амбицтайгаар өөрийн эрх ашгийг тэргүүнд тавьж чадсаныг хэн хүнгүй ярьж байгаа юм. Үүнээс энэ удаагийн айлчлалын далайц хэр өргөн хүрээний, ач холбогдол, унац нь ямар вэ гэдгийг харж болохоор байна.

Бүх зүйл хоёр талтай. Энэ чухал айлчлалыг сайн, үр дүнтэй болчих вий, Х.Баттулга дэлхий нийтэд сайхан харагдчих вий гэхээс айдас хүйдэстэйхэн суусан хэсэг бүлэг нөхөд ч байв. Зарим нь тэсгэл алдан АНУ-ын ерөнхийлөгч Трампыг мэншион хийж жиргэнэ лээ. Нэг жиргээч бүсгүй “Тэрээр хоёр жилийн өмнө Ерөнхийлөгчөөр томилогдсоноосоо хойш Монголд агуу ардчиллыг бий болгоход хүргэсэн тулгуур багануудыг нэг нэгээр нь сүйрүүлэх болсон. Монгол Улсад гуравдагч хөршийн туслалцаагүйгээр ардчилал дахин хэзээ ч сэргэхгүй. Эрхэм хүндэт Д.Трамп, бидэнд таны тусламж хэрэгтэй байна. Таны дэмжлэг үгүй бол бид бүс нутагтаа ардчиллыг амжилтгүй хэрэгжүүлсэн улсын нэг болох нь. Бид эргээд Оросын, бүр муугаар бодвол Хятадын нөлөөнд автах нь гэж эмээж байна” гэжээ. Нэг нөхөр мөн л Трампыг мэншион хийж байгаад Ерөнхийлөгчийн эсрэг тусгайлан бэлдсэн постероо хавсарган “Fuck” хэмээн жиргэсэн харагдсан. Тун хариуцлагатай, өргөн хүрээтэй энэ айлчлалд хувийн гомдол, эрх ашгаар хандах нь хэр зохистой юм бол доо.

Ер нь ч тэгээд сошиал ертөнцөд нэг пост бичсэнээр тусгаар улсын аюулгүй байдал, ардчиллын үнэ цэнийг аварна гэдэг ч юу л бол. Харин “Уулын чинээ цагааныг туулайн чинээ хар” гэгчээр улс орноо муухайгаар харагдуулчих шиг боллоо. Х.Баттулга сайн, муу хүн эсэх, түүнд хэн нэгэн дургүй байх нь энэ тохиолдолд огтоос хамаагүй юм. Ерөнхийлөгч хувь хүнийхээ зүгээс бусдад яаж ч ойлгогдож болно. Гэхдээ тэр бол 2000 жилийн төрт ёсны түүхтэй Монгол Улсын төрийн тэргүүн. Ерөнхийлөгчөө дэлхий нийтэд муу, муухайгаар харуулж байгаа явдал нь бид өөрсөд рүүгээ нулимж буй хэрэг. Дэлхий дахинд энэ хүний тухай сөрөг зүйл яриагүй байхад бид харийнханд муугаар харуулна гэдэг өөрийгөө л, Монгол Улсаа л доромжилж байна гэсэн үг. “Олгой хагаравч тогоон дотроо” гэсэн философитой улс биш сэн билүү, бид.

Монгол Улс дэлхийн 190 гаруй улстай дипломат харилцаатай. Энэ бат бөх гүүрийг бий болгохын төлөө олон мянган эх оронч амиа өгч, олон аавын хүү, ээжийн охид ухаанаа сийлсэн. Энэ гүүрийг нураах, эмтлэх, сэвтүүлэх, үгүйсгэх эрх нь зөвхөн тэдэнд л бий. Хэн дуртай нь шүлсээ үсчүүлэх төдийхнөөр үгүйсгэгдэж боломгүй зүйл бол тусгаар тогтнол, Монгол гэх нэр юм. Энэ бүхнийг онцолж буйн учир нь дэлхийн тавцанд Монголын төрийг Ерөнхийлөгчөөр л дүгнэнэ, цэгнэнэ. Энэ гурван сая хүнийг Төрийн тэргүүн л төлөөлнө. Тэртэй тэргүй Монголын нийт ард түмэн энэ хүнийг Ерөнхийлөгч болгоно оо гээд сонгочихсон. Түүнд өөрсдийгөө, төрт улсаа төлөөлөх эрхийг өгчихсөн. Үгүй ээ тэгээд хүссэн ч, эс хүссэн ч дэлхийн хүчирхэг гүрэн АНУ-ын ерөнхийлөгч манай төрийн тэргүүний дал мөрийг алгадан найрсгаар угтан авсныг бид ч, дэлхий ч харлаа шүү дээ. Тийм байхад бид нэмэр болохгүйгээс нэрмээс болж яанам бэ.

“Дэлхий дээр ардчилсан, ардчилаагүй улс, тусгаар тогтносон, хэн нэгэн улсын хараат улс гэж байдаг болохоос том, жижиг улс гэж байхгүй. Том, жижиг Ерөнхийлөгч ч гэж байдаггүй” хэмээн Монголын сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Өдрийн сонин”-ы тоймч Г.Дашрэнцэн агсан одоогоос зургаан жилийн өмнө бичиж байсныг нэхэн сануулах нь зүйтэй болов уу.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Гансүх: Д.Трамп “Х.Баттулга Ерөнхийлөгчтэй ярилцсан ноолуурын тухай яриа маш сонирхолтой байлаа” гэж хэлсэн

Гадаад харилцааны яамны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүхтэй Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалын талаар ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д айлчиллаа. Гадаад харилцааны яамны зүгээс айлчлалыг хэдийнээс төлөвлөв?

-Монгол, АНУ дипломат харилцаа тогтоогоод 32 жил болсон байна.

2017 онд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг хоёр талаасаа маш өргөн хүрээнд тэмдэглэсэн. Нэн тэргүүнд бид Монгол, АНУ-ын харилцаа жилээс жилд өргөжин тэлж иржээ гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Үүнээс гадна Монгол Улсын АНУ-тай харилцах харилцаа манай гадаад бодлогын үзэл баримтлалд их чухал байр суурь эзэлдэг. Манай гуравдагч хөршийн бодлогод суурилсан чухал харилцаа юм. Ийм ойр дотно харилцаатай улс орнуудын хувьд өндөр дээд түвшинд айлчлах тухай үргэлжид яригдаж байдаг.

Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайд АНУ-д айлчилсан. Түүнээс өмнө манай Гадаад харилцааны хоёр ч сайд айлчилсан. Энэ бол ерөнхийлөгч Д.Трампын засаг, захиргаа гарч ирснээс хойших үйл явдлууд юм. Энэ бүх айлчлал дараагийн шатны айлчлалуудын бэлтгэл ажил болж явдаг, Х.Баттулга Ерөнхийлөгчийн айлчлалын тухайд мөн л эртнээс бэлтгэгдэж эхэлсэн.

Ер нь бол уулзалт бүрт л харилцан айлчлалын тухай ярьдаг. 2017 оны арванхоёрдугаар сард манай улсын Төрийн тэргүүн Д.Трамп Ерөнхийлөгчид захиа бичсэн. Захианы хариу тун хурдан ирсэн, “Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхол, хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Таныг АНУ-д айлчилна гэдэгт итгэж байна” гэсэн утга агуулгатай хариу байсан.

Энэ бол бидний хувьд урилга. Айлчлалдаа эргэлт буцалтгүй бэлд гэж болно гэсэн үг.

-Ерөнхий сайд АНУ-д айлчлахдаа өргөтгөсөн иж бүрэн түншлэлийг баталсан. Энэ нь хоёр улсыг стратегийн түншлэлтэй болгох бэлтгэл, үндэс нь байв уу?

-Харилцаа стратегийн түншлэлд хүрэхэд түүнээс ч урт хугацаа шаардлагатай. Хоёр тал 2007 онд ойр дотно хамтын ажиллагааны тунхаглал гаргасан. Монгол, АНУ-ын харилцааны зарчмуудыг тодорхойлсон баримт бичиг гэсэн үг.

Түүн дээр хоёр орон харилцаагаа цааш нь өргөжүүлнэ, тэлнэ гэсэн зорилт тавьсан. Түүнд үндэслэж явсаар 2018 онд хоёр тал харилцаагаа Өргөтгөсөн иж бүрэн түншлэлд хүргэж ажиллая гэсэн хамтарсан мэдэгдэл гаргасан, ийм тохиролцоонд хүрсэн.

Монгол, АНУ-ын харилцаа улс төрийн хувьд их өндөр түвшинд хүрсэн. Харилцан итгэлцлэл ч тэр. Ер нь бол Монгол Улсын ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих үйл явц зэргийг АНУ-ын талаас үргэлж дэмжиж ирсэн.

Тэр утгаараа ардчилсан зарчмууд, үнэт зүйлс нь хоорондоо таардаг. Үг хэлээ ололцдог, итгэлцэл бий болсон ийм л харилцаа юм. Үүн дээр нэмээд хүчирхэг эдийн засагтай энэ орноос Монгол Улсад хөрөнгө оруулалт хэрэгтэй. Эдийн засгийн харилцаагаа тэлэх шаардлага байгаа.

Ерөнхий сайдын айлчлалын үеэр эдийн засгийн харилцааг өргөтгөх замын зураглалыг гаргасан.

Тэрхүү зураглалд бид эдийн засгийн харилцааг түлхүү хөгжүүлэх, бодитой болгох шаардлагатай байна гэж ярилцсан. Түүнээс хойш ч тодорхой ажлууд хийгдсэн. Тухайлбал, Худалдаа хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн хүрээнд хоёр Засгийн газар хуралдаад, асуудлуудаа ярилцсан.

Мөн хоёр орны хооронд эдийн засгийн бодлогын яриа хэлэлцээ болсон. Эдийн засгийн асуудлуудаа уялдуулах буюу цаашид юун дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа, яавал харилцан ашигтай байх вэ, Монголын эдийн засгийг төрөлжүүлэхэд тус болох уу зэрэг чиглэлд талууд ажилладаг. Энэ мэтчилэн бидний АНУ-тай харилцаж байгаа сувгууд тэлж, төрөлжиж байгаа.

-Тухайлбал ямар чиглэлүүдэд төрөлжиж байна вэ?

-Гадаад харилцааны яам, Төрийн департмент хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт жил бүр болдог. Энэхүү уулзалтаар хоёр орны хооронд ярьж, хэлэлцэх шаардлагатай ямар л асуудал байна тэр бүрийг хэлэлцдэг.

Дараа нь Эдийн засгийн бодлогын, Худалдаа хөрөнгө оруулалтын, Батлан хамгаалахын, Эрчим хүчний бодлогын зэрэг төрөл бүрийн салбарын зөвлөлдөх уулзалтуудыг хийдэг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Консулын анхдугаар зөвлөлдөх уулзалт болсон. Ийнхүү харилцаа маань салбар бүртээ тэлж байгаа.

Энэ бүхэн явсаар хоёр орны харилцаа стратегийн түвшинд ажиллах хэмжээнд хүрчээ. Үүн дээрээ түшиглээд цаашид улам тэлээд явна. Ийм дэс дараалалтай явж байгаа.

-АНУ-ын стратегийн түншлэлтэй 17 улс бий. Тэдгээрт томоохон улс орнууд багтдаг. Таны бодлоор манай улсыг сонирхож буй шалтгаан нь юу вэ?

-АНУ манай гуравдагч хөрш. Хоёр орны харилцаан дээр тэр нь харагддаг. АНУ зөвхөн өндөр хөгжилтэй улсуудтай стратегийн түншлэлтэй гэдэг нь үнэн. Гэхдээ улс орнуудын харилцааг аваад үзэхэд том, жижиг гэдэг ойлголт таардаггүй юм.

Хамгийн гол нь манай улс ардчилсан орон. Зах зээлийн чөлөөт эдийн засагтай, олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй гишүүн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг улс. НҮБ-ийн дүрэмд улс орон ямар байх ёстой гэж заасан яг л тэр шалгуурыг хангасан.

Тиймдээ ч АНУ-тай стратегийн түншлэлийн харилцаатай байх боломжтой. Дээрээс нь бид АНУ-тай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байгаа. Аль аль талаасаа сонирхол нийлж байна л гэсэн үг.

-АНУ-тай стратегийн түншлэлтэй болсноор Монгол Улсад ямар ашигтай вэ. Нэн тэргүүний жишээ нь юу байж байх бол?

-Манай улс АНУ-тай эдийн засгийн харилцаагаа бодитой болгоё л гэж зорьж байгаа. Энэ асуудал бодитой болно. Хоёр шалтгаан байгаа юм. Нэгдүгээрт, манай улсын зүгээс АНУ-д ноос, ноолууран бүтээгдэхүүнээ татваргүй гаргая гэдэг асуудлыг хөндсөн.

Үүнтэй холбоотойгоор Гуравдагч хөршийн худалдааны хууль АНУ-ийн Конгрессын хоёр танхимаар батлагдах ёстой. Доод танхим бол Төлөөлөгчийн танхим, 435 хүнтэй том танхим.

Дээд танхим буюу Сенат нь 100 хүнтэй. Тэрхүү хууль өнгөрсөн оны нэгдүгээр сард үйл ажиллагаагаа эхэлсэн шинэ Конгресс дээр дахин өргөн баригдсан. Доод танхимд нь 40-өөд хүн хамтран зохиогчоор оролцоод, дэмжээд явж байна.

Мөн Сенатын танхимаас 10 гаруй гишүүн тэрхүү хуулийг зэрэг аваад явж байгаа. Айлчлалаар манай Т өрийн тэргүүн Д.Трамп Ерөнхийлөгчид энэ асуудлын талаар сайн ойлгуулсан, Энэ хууль батлагдсанаар ажлын байр бий болгоно, ноос, ноолууран бүтээгдэхүүнээ дэлхийн брэнд болгож чадна, нүүдлийн соёл иргэншлээ ч хадгалж үлдэх замыг нээнэ.

Тэр утгаараа энэ асуудал нь эдийн засаг, нийгэм, соёлын асар их ач холбогдолтой гэдгийг Төрийн тэргүүн маш сайн тайлбарласан. АНУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс ч үүнийг хүлээж авч, дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Хэдий өнөө, маргаашдаа биш ч ирэх он жилүүдэд өгөөжөө өгөх, өргөжих асуудал юм.

Хоёрдугаарт, АНУ нь Ази, Энэтхэг, номхон далайн орон руу ихээхэн хөрөнгө оруулалт хийж байгаа. 60 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ зарлачихсан. Монгол Улс нь АНУ-ын түнш, эдийн засгаа солонгоруулахыг зорьдог орны хувьд тэр хөрөнгө оруулалтаас заавал хүртэх ёстой гэж үзэж байгаа юм. Түүнийгээ бодно, ярина.

-Яг ямар учиртай хөрөнгө оруулалт юм бэ?

-Ази, Номхон далайн орнуудтай, тэр дундаа түнш орнуудтайгаа харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулах зорилготой. Түүнд нь бид багтах л ёстой. Үүнд стратегийн түншлэлийн харилцаа мөн л хэрэг болно.

-Саяын айлчлал АНУ-ын манай хөрш хоёр оронтой харьцах харьцаанд эерэг уур амьсгал бүрдүүлсэн гэдгийг зарим судлаачид хэлж байсан. Таны хувьд үүнд ямар бодолтой байгаа вэ?

-Хариулахад хэцүү л дээ. АНУ-ын зүгээс Монгол Улс бол хоёр хөрштэй, тэдгээр улсуудтай ойр дотно харилцдаг гэдгийг сайн ойлгож байгаа. Хоёр хөршөөрөө дамжиж далайд болон гуравдагч зах зээлд гардаг гэдгийг ч ойлгож байгаа.

Монгол Улсын хоёр хөрштэйгөө харилцах, мөн өөрөө хөгжих тэр боломжийг л Монгол, АНУ-ын харилцаа дэмжих үр дүнтэй гэж би харж байгаа юм. Ер нь бол ОХУ-ын “ТАСС”, мөн “CNN”, “The Diplomat” зэрэг олон улсын хэвлэлүүдээр айлчлал эерэг үр дүнтэй боллоо гэж буй.

-Хоёр хөршийн зүгээс хэрхэн хүлээж авч байгаа бол?

-Нэг их цочирдож хүлээж авахгүй байх аа л гэж бодож байгаа. Учир нь энэ зүйлийг гэнэтхэн очоод байгуулчихсан юм биш шүү дээ. Бид өмнө нь ярьдаг л байсан. Зорьдог л байсан. Өнөөдөр л цаасан дээр албан ёсоор бууж байгаа нь энэ. Түүнээс өмнө бид гуравдагч хөршийнхөө орнуудтай тэр дундаа АНУ-тай харилцааны түвшинг ахиулна гэж ярьдаг л байсан.

Жишээ нь, манай улс Япон, Энэтхэг зэрэг улстай стратегийн түншлэлтэй. Эдгээр нь манай гуравдагч хөршүүд. Энэтхэг улстай оюун санааны хөршүүд ч гэдэг шүү дээ. Японы хувьд шилжилтийн хүнд бэрх цаг үеэс өнөөдрийг хүртэл Монгол Улсад тус дэм болж байна. Манай улс Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээртэй.

Түүнийг чөлөөт худалдааны хэлэлцээр гэхэд ч болно Харилцаагаа ийм түвшин аваачсанаар манай улсын гадаад харилцаа тэлж, бидэнд боломж нээгдэж байна л гэж харж байгаа. ОХУ, БНХАУ АНУ гэсэн дэлхийн том гүрнүүдтэй гурвуулантай нь стратегийн түншийн харилцаа тогтоосон болохоор сонин содон харагдаж байж болох байх.

-Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай уулзсан. Уулзалтаар офшорын асуудлыг хөндсөн байсан.

-Нэн тэргүүнд хоёр талын прокурорын байгууллага хамтын ажиллагаагаа сайжруулах асуудлыг ярилцаж, боловсон хүчнээ сургахаар ярьж тохиролцсон Мөн АНУ-ын талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхой заалтын хүрээнд офшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх, ямар хөрөнгө хаана байгааг илрүүлэх зэрэг хүсэлтийн дагуу хүнд сурталгүй хурдан шуурхай ажиллана, Монголын талд туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн байсан.

-Мөн Ерөнхийлөгч “NASA” буюу АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газарт зочилсон нь сонирхолтой санагдаж байлаа. Энэ талаар тодруулаач?

-1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын иргэн Ж.Гүррагчаа Союз хөлгөөр сансарт ниссэн. Манай улс сансрын нисгэгчтэй гэдгийг энэ түүх гэрчилж байгаа юм. Нэг түүх сөхөхөд АНУ-ын сансрын хөлөг 1971 онд орон орны төрийн далбааг cap луу авч яваад, авчирсан байдаг. Тэр дунд Монгол Улсын далбаа ч байсан.

Саран дээр хүрчихээд ирсэн тэрхүү далбааг буцааж өгөхөд нь монголчууд ихэд бэлгэшээн хүлээн авсан. Одоо энэ далбаа Гадаад харилцааны төв архивт хадгалагдаж байгаа. “NASA”-r дэлхийн сансар судлалын чухал төв гэж үздэг. Тэр утгаараа манай тал зочлох санал тавьсан.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч монгол эмэгтэйг сансрын нисгэгчээр “NASA’’-д сургах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн одон орон, геофизикийн чиглэлээр “NASA’’-тай хамтран ажиллах өргөн боломжтой тул “NASA”-гийн дарга Ж.Брайданстаныг Монгол Улсад хүрэлцэн ирэхийг урьсан юм.

Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа “NASA”-гийн судалгаа, шинжилгээ, цаашлаад Ангараг гариг руу явах зэрэг асуудалд ихээхэн анхаарал тавьж байгаа юм билээ Энэ болгоныг уялдуулж хамтын ажиллагаанд шинэ салбар бий болгож байна гэж миний зүгээс ойлгож байгаа.

-АНУ-ын талаас энэ удаагийн айлчлалд хэр их ач холбогдол өгсөн бэ?

-Ихээхэн анхаарч, өндөр ач холбогдол өгсөн. Энэ удаагийнх манай улс Ерөнхийлөгчийн түвшинд айлчилж байгаа тав дахь айлчлал. Өмнөх Ерөнхийлөгчид бүгд айлчилж байсан. Өндөр түвшинд анхаарсан гэдгийг илтгэх хоёр хүчин зүйл хэлье л дээ.

Ерөнхийлөгч Д.Трамп манай Еренхийлегчийг угтаж аваад, таван минут орчим ганцаарчилсан уулзалт хийхээр төлөвлөсөн байсан. Уулзалт минутаараа төлөвлөгдсөн байдаг л даа. Гэтэл уулзалт таван минут бус 30 гаруй минут үргэлжилсэн. Тус уулзалтын дараа өргөтгөсөн хэлэлцээр эхлэх байсан.

Миний хувьд ганцаарчилсан уулзалтын цаг сунжирсан тул өргөтгөсөн хэлэлцээр цагтаа хавчигдах нь дээ гэж санаа зовж байсан. Олзуурхууштай нь өргөтгөсөн хэлэлцээр 30 минут үргэлжилнэ гэснээрээ үргэлжилсэн.

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнс бүх яриа хэлэлцээний турш хамт байсан. Мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Ж.Болтон, Үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Ларри Кудлов, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспэр, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дарга Марк Грийн зэрэг болон албаны бусад төлөөлөгч тэрхүү хэлэлцээнд хамт оролцсон.

Энэ нь хоёр тал тэр дундаа АНУ-ын тал харилцаандаа маш өндөр ач холбогдол өгч байгаагийн нэг илэрхийлэл гэж харагдсан шүү.

Төрийн тэргүүний зүгээс манайд АНУ-ын эдийн засгийн оролцоо, хөрөнгө оруулалт маш чухал байна гэдгийг сайтар тайлбарлаж өгсөн Ерөнхийлөгч өөрөө ч үүнийгээ хэлж байсан. Яриа хэлэлцээний үеэр сонин, содон санаа ундран гарч, яриа идэвхтэй өрнөж, үр дүн гарсан байгаа юм.

Өргөтгөсөн хэлэлцээний үеэр Ерөнхийлөгч Д.Трамп “Х.Баттулга Ерөнхийлөгчтэй ярилцсан ноолуурын тухай яриа маш сонирхолтой байлаа” гэж хэлсэн Шинэ мэдээллийг өгч, бодит байдлыг ойлгуулж чадсан хэрэг л дээ.

-Ерөнхийлөгчийн АНУ-дахь айлчлалыг Гадаад харилцааны яам тун чамбай зохион байгууллаа гэж дүгнэх хүн олон байна. Гэхдээ томилсон туршлагатай орчуулагч нь байгаагүй учир орчуулга нь дулимаг боллоо гэх шүүмжлэл ч байна. Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан хүний хувьд тэрхүү асуудлыг тодруулаач?

-Айлчлалд ам сайтай байгаад энэ ажлын бэлтгэлийг хангаж ажилласан хүмүүсийн хувьд сэтгэл өндөр байгаа. Орчуулагчийн тухайд сошиалоор шуугиад байгаа шиг тийм зүйл болоогүй гэж бодож байна.

Учир нь тэр арга хэмжээн дээр манай хоёр орчуулагч хоёулаа бэлэн байсан. Харин асуулт, хариултын үеэр багахан гацаа гарсан. Тодруулбал, англиар асуусан асуултыг Түвшинзаяа Ерөнхийлөгчид орчуулж өгсөн.

Харин Ерөнхийлөгчийн ярьсныг өөр нэг орчуулагч индэр дээрээс уулзалтад ирсэн хүмүүст орчуулах ёстой байсан юм. Гэтэл индрийн орчуулагчид яриа бүрэн сонсогдохгүй байна гэсэн тул Түвшинзаяа үргэлжлүүлээд орчуулсан Улсынхаа Ерөнхийлөгчийг ярьж байх үед хэн ч, тэр дундаа зохион байгуулж буй бидний зүгээс тасалдуулж, дахин яриулах нөхцөлийг үүсгэхийг хүсээгүй.

Тиймээс Түвшинзаяа бүгдийг орчуулсан. Нөгөө орчуулагч тэнд зогсож л байсан, алга болоогүй Түвшинзаяа бол сайн орчуулсан, сайн ч орчуулагч АНУ-д сургууль төгссөн, Ерөнхийлөгчид орчуулга хийдэг тийм л хүн. Хэрвээ тэр хүн орчуулж чадахгүй байсан бол би ч, өөр бусад албаны хүмүүс ч зогсоох, солиход бэлэн байсан. Гэхдээ тийм зүйл болоогүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Баярхүү: Монгол Улс дэлхийн глобал гүрэн АНУ-тай стратегийн түншлэлд асар богино хугацаанд хүрчихлээ


Олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүүтэй Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалын талаар ярилцлаа.


-АНУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоогоод 30 гаруй жил болж байна. Хоёр орны харилцааны талаар та юу хэлэх вэ?

-Энэ 32 жилийн харилцааны түүх сөхөж хариулах шаардлагагүй. Барагдахгүй том сэдэв байна.

Ганц өгүүлбэрээр “Энэ харилцаа прогрессоор хөгжин дэвжиж ирсэн” гэж л хэлэх байна. Харилцааны түвшин тасралтгүй ахисаар дээд цэгтээ хүрсэн. Үүнээс цааш бид л хоёр талаасаа чармайн ажиллаж харилцааныхаа хүрсэн түвшинг бэхжүүлэх ёстой.

-Айлчлалын үр дүнтэй холбоотойгоор асуухад стратегийн түншлэл гэдэг нь манай улсын хувьд хэзээ, хэрхэн өрнөсөн асуудал юм бэ?

-Энэ бол “Хүйтэн дайн”-аас хойших олон улсын харилцаанд түгээмэлжсэн үзэгдэл. Ялангуяа олон улсын харилцааны том тоглогч их гүрнүүд ийм түншлэл байгуулдаг.

Манай улсын хувьд 20 гаруй жилийн түүхэнд хамаарах асуудал юм. Анх Гадаад бодлогын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал баталж байхдаа “стратегийн түнш”, “гурав дахь хөрш”-ийн талаар тодорхой заалт, тодруулга, томьёолол тусгаагүй юм билээ.

1996 онд Ардчилсан хүчний Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө анхлан “АНУ-тай тогтоосон хамтын ажиллагааг манай гадаад бодлогын гол түшиг тулгуур гэж үзэж, энэ хэмжээнд өргөжүүлэн хөгжүүлэхийг зорино”, “Японтой тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлийн хэмжээнд өргөжүүлэн хөгжүүлэхийг зорино” гэсэн заалт тусгаснаас үүдээд стратегийн түнш, гуравдагч хөрш гэсэн ойлголт манай гадаад харилцаанд төлөвшин буй болсон.

2000 онд тэрхүү Засгийн газрын гадаад бодлогын хэрэгжилтийг дүгнэж үзэхэд АНУ-ыг “гуравдагч хөршөө” хэмээн үзэж, түүн рүү бодлогоо түлхүү чиглүүлсэн, Японтой иж бүрэн түншлэлийн харилцааны үндсийг тавьж бэхжүүлж чадсан үр дүн харагддаг.

-Тэр үеийн Засгийн газрын үеэс л хэрэгжиж эхэлсэн байх нь?

-Тийм гэх үү дээ. 2000 онд байгуулагдсан шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлберт дээрх заалтын агуулга, ач холбогдлыг өөрчлөхгүйгээр “Монгол Улсын ардчилал, зах зээлийн тогтолцоог бэхжүүлэх, гадаад харилцааг өргөтгөхөд АНУ-тай тогтоосон харилцаа чухал ач холбогдолтой гэж үзэж, харилцаа хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх чиглэлээр ажиллана”, “Японтой тогтоосон иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид бататган өргөтгөн хөгжүүлнэ” гэж оруулсан байдаг.

Тэр үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр 2001 оны намар АНУ-д айлчилснаас хойш АНУ руу хандах хандлага хоёр хөрштэй тогтоосон харилцааны ач холбогдлоос давах тийшээ хандаж, энэ чиглэлээр сурталчилгаа өргөн хийгдсэн. Манай улс АНУ, Япон улсыг стратегийн гол түншээ хэмээн үзэж, хоёр талын харилцааны бодлогоо түүн дээр томьёолж байгаа нь тэр үеэс тодорхой харагдсан.

Нөгөө хоёр улсын зүгээс ч тэгж дүгнэх нөхцөл нэгэнтээ бүрдсэн. Их Монгол Улс байгуулагдсан ойн жил манай улс гадаад харилцааны арвин ургац хураасан. 2006 оноор жишээлэхэд манай улс 10 хүрэхгүй жилд юуны өмнө хоёр их хөрштэйгөө тэнцвэртэй, идэвхтэй хамтын ажиллагаа явуулахыг чухалчилж, тэр зорилгоо бүрэн ханган биелүүлсэн байсан.

Монгол Улсаас хөрш хоёр гүрэнтэй харилцах харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, ОХУ-тай сайн хөршийн уламжлалт түншлэлийн харилцаа, БНХАУ-тай сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцааг төлөвшүүлсэн.

ОХУ-тай “Их өр”-ийн дансыг дугуйлсан түүхэн үе байлаа. Монгол Улсын гадаад бодлогын нэн чухал тулгуур болох өрнө, дорнын тэргүүлэх чиглэлийн улсуудтай найрсаг харилцаа хөгжүүлж, тэдгээрийн эдийн засгийн болон бусад бодит сонирхлыг Монголд бий болгох зорилт үе шаттай, амжилттай хэрэгжиж эхэлсэн.

АНУ-тай стратегийн түншлэл тогтоох, Японтой XXI зууны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг урагшлуулах чиглэлээр ажиллаж, БНСУ-тай ”Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”, Канадтай “Өргөн хүрээтэй түншлэл” тогтоож, Монгол-Энэтхэгийн харилцааг олон зууны соёлын уламжлалт түүхэн харилцаа бүхий “Оюун санааны хөршүүд” хэмээн хоёр талдаа үздэг, Европын Холбоотой Түншлэлийн гэрээ байгуулах, Турк улстай “Иж бүрэн түншлэл” хөгжүүлэх нөхцөлөө бүрдүүлчихсэн байсан гээд бяцхан түүх сөхөж болно.


-Ямар шалгуураар түншлэлээ үнэлдэг, тодорхойлдог юм бэ?

-Хоёр талын өндөр дээд хэмжээний удаа дараагийн айлчлалууд, айлчлалын давтамжийн ойртолт, айлчлалаар ярилцаж шийдсэн асуудал, манай улсад үзүүлсэн, үзүүлдэг улс төр-эдийн засаг, санхүү, хүмүүнлэг, бусад хэлбэрийн тусламжууд, олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал нэгдэж ирсэн зэрэг олон үзүүлэлтээр АНУ, Японыг стратегийн түнш гэж нотолж болохоор байсан л даа.

Стратегийн түншлэл гэж тэр үедээ нэрлээгүй ч хэрэг дээрээ стратегийн гэхээр үйл явдлууд өрнөсөн. Манай улс Ирак, Афганистанд НҮБ-ын мандатгүй, тэгсэн хэр нь АНУ, НАТО-гийн командлалын хүрээнд цэргээ илгээсэн.

АНУ-ын гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогод манай бүс нутаг тэргүүлэх чиглэлд нь тооцогдож, дэлхийн эдийн засгийн хөгжлийн хандлага, олон улсын харилцааны өрнөлтийг дагалдан АНУ нь Ази-Номхон далайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд түлхүү ач холбогдол өгч байгаагийн хүрээнд Монгол руу хандах АНУ-ын бодлого томьёологдож эхэлсэн. Гэхдээ бүр эрчтэйгээр.

Монгол Улс АСЕАН-ы бүсийн форумд элссэн нь уг эвслийн бүх орны гэхээсээ АНУ-ын сонирхол байсныг тэмдэглэх хэрэгтэй.

Тэр үеэс л Монгол бол Азийн бүс нутагт ардчиллаараа хошуучилж яваа, ардчилал зах зээлийн харилцаа руу шилжих шилжилтийг нэгэн зэрэг хослуулан, тогтвортой хэрэгжүүлж байгаа цөөхөн орны нэг хэмээн АНУ, Япон, Өрнөд Европт ихээхэн үнэлдэг болсон. Энэхүү үнэлгээн дээр нөхцөлдсөн тодорхой эрх ашиг байсан учраас тэдгээр орон манай ардчилал шинэчлэлийн үйл явцыг анхнаас нь дэмжиж тусалсан.

-Стратегийн түншлэлийг яаж, ямар учраас байгуулдаг талаар тодруулаач?

-Бусад улс орнуудын хоёр талын харилцааны практикаас үзэхэд стратегийн түншлэлийг албан ёсны эрх зүйн баримт бичигт дурдсан байдаг ч яг тэр утгаар нь шууд нэрлэсэн тохиолдол тэр бүр байхгүй. Бусад улс орнуудын өөр хоорондын харилцааны практикаас үзэхэд, харилцааныхаа өнгө аяс, цар хүрээ, төлөв байдлыг стратегийн түншлэл гэж нэрлэсэн нь ч бий.

Хоёр хөршөөр жишээлье. ОХУ, БНХАУ-ын хоорондын харилцаанд 1994 оноос конструктивное партнерство гэсэн нэр томьёо анх гарч ирсэн. 1997 онд Москвад “Олон туйлт дэлхий, дэлхийн шинэ дэг журам төлөвшүүлэх тухай Орос-Хятадын хамтарсан тунхаглал” гэдгийг байгуулахдаа “XXI зууны стратегийн харилцан ажиллагаа” гэсэн шинэ нэр томьёо гаргаж ирсэн.

Түүнээс хойш стратегийн түншлэл гэж олон улсын хэмжээнд нэрлэгдэж яваа ч энэ талаар ямар нэгэн тусгай баримт бичиг гаргаагүй.

1992-2000 онд Орос-Хятадын хооронд байгуулсан удаа дараагийн тунхаглал, мэдэгдэл, хамтарсан албан мэдээнүүдийн үзэл санааг нэгтгэн 2001 онд Москва хотноо Сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсан.

Гэрээний нэгдүгээр зүйлд ерөнхий утгаар “хоёр тал сайн хөршийн харилцаа, найрамдал, хамтын ажиллагаа, эрх тэгш итгэлцсэн түншлэл, стратегийн харилцан ажиллагаа хөгжүүлнэ” гэж заажээ. Энэ заалтыг Орос-Хятадын Төрийн тэргүүнүүдийн Москвагийн хамтарсан мэдэгдэлд “харилцааны түүхэн сонголт” гэж нэрлээд, олон улсын шинэ шударга, зөв дэг журам тогтооход гол ач холбогдолтой гэж үзжээ.

ОХУ, БНХАУ-ын удаа дараагийн хамтарсан тунхаглалд “Хоёр орон найрсаг харилцааны болон стратегийн түншлэлийн харилцааны түүхэн үе шатуудыг туулж, түншлэл, стратегийн харилцан ажиллагааны үе шатанд дэвшин орлоо” хэмээн тунхаглажээ.

БНХАУ нь түншлэлийн харилцааг 20 орчим улс оронтой тогтоосон. Тодотгол нэр нь харилцааны онцлогийг тусгасан, өөр хоорондоо ялгаатай. ОХУ-тай стратегийн түншлэлийн, Японтой энх тайван, хөгжлийн төлөө хамтын ажиллагааны түншлэлийн, Энэтхэгтэй бүтээлч хамтын ажиллагааны түншлэлийн, Францтай XXI зуунд чиглэсэн урт хугацааны бүрэн түншлэлийн, Европын холбоотой урт хугацааны тогтвортой түншлэлийн, Бразилтай урт хугацааны, тогтвортой түншлэлийн, АСЕАН-тай сайн хөршийн харилцан итгэх түншлэлийн харилцаа, Монголтой стратегийн иж бүрэн түншлэл тогтоон хөгжүүлсэн гэхчлэн жишээлж болно.

-Стратегийн түншлэлтэй орон бусад эвсэл, холбоо, хамтын байгууллагат нэгдэхдээ юу анхаарах ёстой юм. Түншлэлтэй орныхоо эрх ашгийг хөндсөн эвсэл, холбоонд нэгдэж болдог юм уу?

-Стратегийн түншлэл гэдэг нь дотроо бас дэстэй. Жишээ нь Монгол, Хятад хоёр стратегийн иж бүрэн түншлэлтэй, ОХУ-тай мөн ийм түншлэлд хүрнэ гэдгийг бид бас анхаарах ёстой.

Стратегийн түншлэл гэдэг нь харилцаа, хамтын ажиллагааны дээд шат. Түүнээс дээшээ ахина гэвэл холбоотны түвшинд хүрэх л үлдээд байна.

Манай улсын ардчиллын жилүүдэд сонгож авсан гадаад бодлогын гол онцлог бол эвсэл, холбоонд нэгдэхгүй байх явдал. Тийм ч учраас манай улс стратегийн түншлэлээс цаашаа дараагийн түвшин рүү ахихыг эрмэлзэхгүй л болов уу. Т ийм цаг үе ч тулгарахгүй болов уу. Тэр утгаар манай улс нь түншлэлтэй орныхоо эрх ашгийг хөндөх алхам хийхгүй биз ээ.

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэгт ч юм уу элсэх боломж нь хязгаарлагдах уу. Хийж болохгүй зүйлүүд нь юу байна вэ?

-АНУ-тай стратегийн түншлэлтэй болж байгаа, ШХАБ-д Монгол Улс ажиглагч байгаа хоёрыг эсрэгцүүлж тавихгүй байх нь чухал юм. ШХАБ-д жинхлэх, жинхлэхгүй н ь Монгол-Америкийн стратегийн түншлэлээс ч хамаарах юм биш.

Тиймдээ ч манай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Вашингтоноос шууд Бангкок руу нисэж АСЕАН-ы бүсийн форумын Сайд нарын хуралд оролцсон. Хуралд оролцохдоо хамгийн түрүүн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И, ОХУ-ын Г адаад хэргийн дэд сайд И.В.Моргулов нартай уулзаж Вашингтонд гаргасан тунхаглалаа тайлбарласан.

Үүний сацуу түншлэлийн харилцаа бүхий Япон, БНЭУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзсан нь харилцан итгэсэн сайн хөршийн найрсаг харилцаандаа манай улс үнэнч байна, түншлэлийн харилцаат бүх улстай найрсгаар ажил хэрэгчээр хамтран ажиллах болно гэдгийн дипломат илэрхийлэл болсон гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл хоёр хөрш, АНУ, Япон, Энэтхэг бүгдтэй нь улс төрийн итгэлцсэн харилцаанаас гадна эдийн засаг-бизнес, эрх зүй, батлан хамгаалах, эрүүлийг хамгаалах, байгаль орчин, соёл боловсрол зэрэг бүх салбарт иж бүрэн хамтран ажиллах, хамтын ажиллагааны бүх салбарт бүрэн итгэлцсэн байх, хамтын ажиллагааны бүх салбарыг институцчилэхийн төлөө явж байна гэдгээ нотолсон юм биш үү. Нэг үгээр манай гадаад бодлогод тэнцвэрийг хангасан, балансалсан алхам хэрэгжиж байна гэдгийн нотолгоо.

-Стратегийн түншлэлийн хүрээнд ямар эрх ашиг бий болох вэ?

-Дөнгөж сая Вашингтонд байгуулсан стратегийн түншлэлийн эхний үг өгүүлбэрийг сөхөөд үзье л дээ. “Стратегийн нийтлэг эрх ашиг, ардчилсан үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан батжин бэхжиж, ойр дотно болж буйг баталж” гээд эхэлж байгаа юм.

Монгол-АНУ, Монгол-Японы хооронд түншлэлийн харилцаагаа улс төрийн баримт бичгүүдэд томьёолсон.

Улс төрийн зөвлөлдөх байнгын механизм бий болгож хэвшүүлсэн, цэргийн салбарт хамтран ажилладаг, улс төр-аюулгүй байдал, эдийн засаг-бизнес, соёл-боловсрол, эрүүлийг хамгаалах, цэргийн зэрэг бүх салбарт бид энэ хамтын ажиллагааны үр шимийг үзэж, хүртэж байдаг гэдгээр нэг ёсны шалгуур тавьж байгаа.

Ийм хамтын ажиллагаа өрнүүлсэн нөхцөлд харилцаа хамтын ажиллагааны өрнөлт, цаашдын төлөвийг эрх зүйн хувьд шинэчлэн тодорхойлж баталгаажуулсан улс төрийн шинэ баримт бичиг байгуулдаг нь энэ тунхаглал шүү дээ.

-Зарим хүмүүс Монголтой стратегийн түншлэл тогтоох нь АНУ-д ямар ч ашиггүй гэж байна. Ямар ч ашиггүй байсан бол ингэж түншлэл байгуулах уу. АНУ-д яг ямар ашигтай байна вэ?

-АНУ ашиг харж ийм түншлэл байгуулахгүй. Манай хоёр улсын нийтлэг ашиг сонирхол гээд “стратегийн нийтлэг эрх ашиг, ардчилсан үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмууд” гээд тов тодорхой заагаад өгчихлөө шүү дээ.

-Өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхий сайд АНУ-д айлчилсан. Энэ үеэрээ талууд Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай албан мэдээ гаргаж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай замын зураглалыг тохиролцсон. Харин Ерөнхийлөгчийн айлчлалын дүнд АНУ-тай стратегийн түншлэлтэй орон боллоо. Үндсэндээ жил хүрэхгүй хугацааны дотор Монгол, АНУ-ын харилцаа хоёр шат ахилаа. Үүнээс үзэхэд АНУ-д Монгол хэрэгтэй улс гэдгийг илтгэж буй хэрэг биш үү. Энэ тухай та юу гэж дүгнэх вэ?

-Харин тийм. Монгол АНУ-д хэрэгтэй болоод л түвшинг нь ахиулж байгаа юм биш үү.

-Стратегийн түншлэлтэй болсноороо Монгол Улсад яг ямар ашигтай вэ. Эдийн засаг, геополиткийн үр ашиг нь юу вэ?

-Залхуурал, ядуурлынхаа өнцгөөс манайхны асуудаг ярьдаг сэдэв л байна.

Одоо нэгэнтээ АНУ-тай ийм өндөр түвшинд хүрчихсэн юм чинь тэдэн тэрбум ам.доллар, бэлэг, бэлгийн хороолол, мөнгөн тусламж ороод ирнэ гээд манай зарим иргэд горьдоод суучихыг бол үгүйсгэхгүй ээ. Манайхны ийм хүсэл дээр тоглодог дотоодын популизм ч бий.

Стратегийн түншлэл гэдэг бол мөнгөн дүнгээр үнэлэгдэх бодит үйл биш юм. Итгэлцлийн түвшин, хамтын ажиллагаа хөгжүүлэх бат бэх хөрс суурь, сэтгэхүй түүнийг нь улс төрийн талаас төлөвшүүлж буй болгож байгаа хэлбэр юм.

Түүнээс бус эдийн засгийн үр ашиг шууд нэхэх нь утгагүй, гэнэн болчимгүй хэрэг. Ерөнхийлөгчийн явуулж буй бодлогыг ЕТГ-ын дарга З.Энхболд маш оновчтой томьёолсон байна билээ.

“Ерөнхийлөгч Х.Баттулгаас өмнөх бүх Ерөнхийлөгч нар уул уурхай ярьдаг байсан. Яагаад уул уурхайн оронд оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн, ноолуурыг татваргүй оруулах тухай яриад байна гэхээр манай улсын эдийн засгийг олон төрөлтэй болгохгүй бол уул уурхай хангалттай ажлын байр үүсгэхгүй байна. Тиймээс бүх уулзалтын номер нэг сэдэв нь Монголын гуравдагч хөршийн худалдааны тухай буюу татварын асуудал байгаа юм.

Мал аж ахуйгаар амьдардаг 200 мянган өрх, бүтээгдэхүүн болгож хувиргах олон мянган ажлын байрны тухай яригдаж байгаа учраас хамгийн чухал сэдэв болоод байна” гэсэн байсан.

-Ерөнхийлөгчийн айлчлалыг төсөөллөөс давсан үр дүнтэй боллоо гэж нийтдээ үзэж байна. Та олон улс судлаачийн хувьд юу гэж бодож байна вэ. Мөн олон улсад юу гэж ярьж, дүгнэж байгаа бол?

-Ерөнхийлөгч Х.Баттулга цагийг мэдэрдэг маш сайн дипломатч, улстөрч гэдгээ харуулсан болов уу. Хоёр хөрш рүүгээ түлхүү ажиллаж байснаа гуравдагч хөрш рүүгээ ийм том “харайлт” хийнэ гэж гадаадад байтугай дотооддоо ч төсөөлөөгүй байсан байх.

Хоёр хөрштэй нь уячихъя, тэр эргүүлгээс холдуулахгүй байя гэсэн хүсэл гадаад, дотоодод мэр сэр байсныг үгүйсгэхгүй.

Дэлхийн энтэй зэрэгцэн ажиллаж чадаж байна. Монголын дипломат алба ингэж ажиллаж чадлаа. Азийн цээжин дэх энэ жижиг буурай Монгол Улс дэлхийн глобал гүрэнтэй хамтран ажиллаад тэр нь бүр стратегийн түншлэлийн түвшинд асар богино хугацаанд хүрчихлээ гэдгийг харуулж чадсанд айлчлалын гол ач холбогдол оршино.

Categories
мэдээ цаг-үе

А.Ундраа: Найр наадам, амралт зугаалгын энэ үед Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн далайц хангалттай байж чадах уу гэдэг эргэлзээтэй

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд Ерөнхийлөгч, улс төрийн намууд саналаа гаргаж байна. Та хувь гишүүний зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл энэ цаг үед ид яригдаж байна. Энэхүү төсөлд тал талын санал гарч байгаа нь зөв юм. Хэдий чинээ сайн хэлэлцэгдэнэ, төдий чинээ сайн боловсруулагдана. Тэр утгаараа иргэний нийгмийн байгууллагууд болон хуульчид, судлаачид идэвхтэй сайн оролцож байна. Гэхдээ найр наадам, амралт зугаалга хавтгайрсан энэ үед албан ажил хийхэд тодорхой бэрхшээл харагдаж байна л даа. Энэ талаасаа хэлэлцүүлгийн эрч, далайц хангалттай байж чадаж байна уу гэдэгт эргэлзээ төрж байна.

Миний хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ юуг, яаж гэдэг нь хараахан тодорхой болоогүй байна. Гишүүдийн өргөн барьсан төслийг тойрогтоо танилцуулж, иргэдийн санаа бодлыг сонссон. Маш олон хүний санал бичгээр болон аман хэлбэрээр ирсэн. Тэдгээрийг нэгтгээд УИХ-ын Тамгын газарт өгсөн. Харин Ерөнхийлөгчийн гаргасан саналуудыг нэгтгэх, тэдгээрийг алиныг нь хэрхэн томъёолж оруулах вэ гэдгийг шийдэхээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Одоогоор ямар байдлаар өөрчлөгдөх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Миний хувьд хамгийн түлхүү өөрчлөх саналтай, илүү судалж уншиж байгаа хэсгүүд нь шүүх засаглалтай холбоотой. Мөн нутгийн удирдлагатай холбоотой хэсэг. Мэдээж өөрчлөлтийн бүхий л зүйл, заалтууд дээр санал бодлоо илэрхийлж, чуулган дээр саналаа хураалтанд байр сууриа баримтлан ажиллана.

-Шүүх засаглалыг хараат бус, хариуцлагатай байх талаар 62 гишүүний өргөн барьсан төсөлд тодорхой оруулж өгсөн санагдсан. Энэ зорилгодоо хүрч чадах болов уу?

-Шүүх засаглал, хараат бус байдал, шүүх шударга үнэн ажиллах, хүн бүрт тэгш хандах явдал нь эцсийн дүндээ хүний эрхийн тухай асуудал юм. Бид одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуульд хүний эрхийн асуудлыг маш тодорхой тусгаж өгсөн. Монгол улсын амин сүнс нь хүн бүр нас, яс үндэс, шашин шүтлэг, эдийн засгийн чадавх нөхцөл байдлаас үл хамааран тэгш эрхтэй хэмээн тунхагласан явдал. Хуулийн өмнө, шүүхийн өмнө ч тэгш байх нь маш чухал. Шүүх шударга бус байна гэх шүүмжлэл гараад байгаа шалтгаан нь магадгүй хэт нэг талыг барьж, илүү хүчтэй, мөнгөтэйд нь үйлчилж байгаа юм биш үү гэдэг хардлага гомдол бухимдал нийгэмд байгаатай холбоотой. Шүүх хараат бусаар, хуулийн хүрээнд шударга шийдвэр гаргадаг байх ус агаар мэт чухал юм. Тиймээс шүүхийн хараат бус, хариуцлагатай байлгах дархалж буй зүйл, заалт маш чухал.

-Төслийн ямар заалтуудыг онцлон үзэж байгаа бол?

-Монгол Улсад хүний эрхийн нөхцөл байдал хангалттай бус, зөрчигдөж буй асуудал олон байна. Үүнийг бид янз бүрийн хүрээнд ярьж болно. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль болон түүний хэрэгжилтийн асуудал, ажлын байрны бэлгийн дарамт, хөгжлийн бэрхшээлээс болоод төрийн үйлчилгээг бүрэн дүүрэн авч чадахгүй байх гэх мэт. Эдгээр нь нийгэмд үнэхээр бодитой байгаа асуудал. Эдгээр асуудлыг шийдэх хамгийн эцсийн шат нь шүүх байгаа юм. Асуудал бүр шүүх рүү очихгүй нь ойлгомжтой л доо. Гэхдээ ямар нэгэн зөрчил, хүндрэл, гэмт хэрэг эцэстээ шүүх дээр л шийдэгдэнэ. Тэр утгаараа шүүгчдийг шүүгчид өөрсдөө сонгож гаргаж ирдэг байх нь зөв.

Мөн томилгооны сонсгол заавал хийдэг байх чухал. Томилгооны сонсгол хийх ёстой гэсэн энэ саналыг хамгийн зөв дэвшил гэж харж байгаа. Жишээлбэл, шүүгчдэд тавигдах шаардлага, ажлын туршлага нь ямар байх эсэхийг тодорхой зааж өгөх ёстой. Одоо ч битүү морь гэдэг шиг гэнэтийн зүйл болдог шүү дээ. Ийм гэнэтийн хэлбэрээс татгалзаж нээлттэй сонсгол хийх хэрэгтэй. Тэгж гэмээнэ тухайн хүний ёс зүй, ажилд хандах хандлага, боловсрол, мэдлэг, чадвар гээд бүх талыг нь судалж мэдэх, нээлттэй ярилцах бололцоо бүрдэнэ. Хуульд заасан шалгуур үзүүлэлтээс гадна, нийгэмд ч энэ хүн хэн бэ гэдгийг нь таних мэдэх боломж олгоно. Шүүхийн ерөнхий зөвлөл, Дээд шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүн зэргийг хуульчлан зааж өгөх нь улс төрөөс үл хамаарах, тогтвортой ажиллах зарчмыг бүрдүүлж өгөх юм. Ийм том дэвшилтэй зарчмууд орлоо гэж харж болно.

-Нутгийн удирдлагын тогтолцоон дээр цөөнгүй өөрчлөлтүүд яригдаж байна. Гишүүдийн саналын дагуу дэмжигдээгүй нь бий. Эдгээр дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Хүмүүс анхан шатан дээрээ буюу баг хороон дээрээ асар их талцаж, намчирхаж байна. Гэтэл энэ талцал дундуур яг тухайн орон нутгийн тулгамдсан асуудал орхигдох нь цөөнгүй. Хороон доторх зам, бэлчээр тариалангийн асуудал, цахилгааны эх үүсвэр, төрийн үйлчилгээний хүртээмж ч гэдэг юм уу. Угтаа эдгээр асуудлууд нам засгаас үл хамааран иргэдэд тэгш, хүртээмжтэй байж, амьдрах таатай орчин бүрдүүлэх ёстой юм. Амьдралын чанарт нөлөөтэй асуудлууд шүү дээ. Амьдралын чанарт нөлөөтэй практик асуудал дээр хамтын шийдвэр гаргах бололцоогоо хаагаад хэт намчирхаад байх нь зохимжгүй. Тулгамдсан асуудлуудаа эрэмбэлж шийдвэрлэж чадахгүй, намчирхлын линзээр аливааг хараад байж болох уу даа.

-Сумын Засаг даргаа иргэд өөрсдөө сонгох нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Сумын Иргэдийн хурлыг сонгочихоод тэндээсээ сумын Засаг даргыг томилдог байгаа нь иргэдийн хурлын үзэмжийн асуудал болох хандлагатай. Харин иргэдэд сум оронд шаардлагатай асуудлаа шийдвэрлүүлэх боломж, шууд байдлаар оролцох, шаардах зам нь илүү тодорхой байх нь зохистой. Тэр утгаараа орон нутгийн удирдлагыг иргэд шууд өөрсдөө сонгодог байх нь тухайн орон нутгийн асуудлаа улс төржилгүйгээр шийдэх чухал ач холбогдолтой. Мөн тухайн орон нутгийн манлайлагчийн ур чадварыг шийдвэр гаргах хариуцлагатай уях нь маш чухал байгаад байгаа юм. Ямартаа ч хот, дүүрэг, сумын Засаг даргын сонгуулийг хэрхэх, аль шатандаа сонгодог болох вэ гэдэг нь хэлэлцүүлгийн явцад илүү тодорхой болох байх. 62 гишүүний өргөн барьсан төсөлд сумын Засаг дарга нь багийн дарга нарыг, дүүргийн дарга нар хорооны дарга нараа томилдог болохоор тусгасан. Харин Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийг дүүргийн иргэдийн төлөөлөгч дундаас сонгоно гэдэг дээр багагүй маргаан үүсээд байгаа.

Гэхдээ шат шатны нутгийн удирдах засаглалын систем анхан, дунд, дээд шатны ажил уялдаатай явж чадаж байна уу. Ямар нэгэн байдлаар засаглалын хийдэл, завхрал гарч байна уу гэвэл тийм тохиолдол газар сайгүй. Төсвийн хяналт, тендерийн асуудал, төсвийн зарцуулалтын үр ашиг бүгд л энэ уялдаа холбоогүй харилцан хяналт алдагдсанаас болж байна. Авлига цэцэглэж төсөв үр ашиг муутай зарцуулагдаж байна. Жишээлбэл Улаанбаатарт сургуулиуд гурван ээлжээр хичээллэж, цэцэрлэгт хүүхдүүд сугалаагаар азаа үзэж байхад, орон нутагт цөөхөн сурагчтай сургууль өргөтгөл барьж байх жишээний. Төсөв оновчтой байж чадаж байна уу? Сүрьеэтэй тэмцэх асуудал ямар байгаа билээ. Гэтэл эмч нь ажиллуулж чадахгүй багаж хаа нэгтээ тоосонд дарагдаад агуулахад байгаа тохиолдол ч бий. Тийм учраас яах аргагүй үүнийг өөрчилж салхи оруулж, ахиц дэвшил гаргах цаг нь болсон. Тэр утгаараа засаглалыг сайжруулах нь төрийн үйлчилгээний чанарт шууд нөлөөлнө.

-Хотууд бий болох нөхцөл бүрдүүлэх нь зөв үү?

-Хотын төвлөрлийг сааруулах, зөв зохион байгуулах гэдэг нь хүн бүрт хамаатай асуудал. Өнөөдөр Улаанбаатар хотын түгжрэл, утаа ярианы гол сэдвүүдийн нэг болж байна. Энэ нь хүн амын төвлөрөл их, хэт хурдтай хотожсонтой холбоотой нь ойлгомжтой. Гэсэн ч хүн хаана амьдрахаа сонгох эрхтэй учраас бид буруушаах боломжгүй. Төрийн үйлчилгээний хүртээмжтэй оновчтой болгоход илүү ухаалаг шийдэл хэрэгтэй байна. Жишээ нь хотын түгжрэл боловсролын системийн чанар хүртээмжтэй холбоотой их байна. Эцэг, эхчүүд аль болох сайн багш, сургуулийг эрэлхийлнэ. Тэр утгаараа хаяръялалын бус сургуульд оруулах нь ч энүүхэнд. Үүн дээр нэмээд нийтийн тээврийн хүртээмж муу, сургуулийн автобус байхгүйн гачигдал нэмэгддэг. Тиймдээ ч хүн болгон хүүхдүүдээ хүргэж өгч, орой нь авах шаардлага тулгарна.

Цэцэрлэг ч ялгаагүй. Хол байсан ч хамаагүй цэцэрлэгтэй байхыг эрмэлзэнэ. Энэ байдал түгжрэлд нөлөөлж байна. Тэгэхээр зөвхөн түгжрэлийг шийдэхэд л боловсролын асуудал, зам тээврийн асуудал, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн байгуулагууд, нийслэл дүүргийн шийдвэр гаргагчид хамтарч ажиллаж байж сая шийдэж магадгүй. Гэтэл уялдаа холбоо сайнгүй байна. Нөгөө талдаа зоригтой шинэчлэхийн тулд шинэ дүүрэг, дагуул хотууд, засаг захиргааны нэгж бий болгох хэрэгтэй. Улмаар хаана хэрэгцээ байна тэнд үйлчилгээг хүргэх шийдлийг хамтдаа хийж чаддаг байх ёстой юм. Шинэ хот, тосгон, дүүрэг дагуул хот, дүүргийн удирдлага гээд асуудлуудаа зөв зохистой шийдэх зайлшгүй шаардлага байгаа. Жишээ нь технологийн парк, чөлөөт бүс, их сургууль судалгааны хотхон, соёл шашны төв гээд онцлогтой хотуудыг бий болговол нэг шийдэл. Хотын статусыг тодорхой болгон хэд хэдэн метрополитан бүсийг хөгжүүлэх бололцоог нь бий болговол төвлөрөл саарч, амьдрах орчин илүү таатай болох боломж бүрдэнэ.

-Хотын статустай болсноороо ямар давуу талтай байх вэ?

-Тухайн хот хүн амьдрахад хэр зэрэг таатай вэ гэдгээс хамаараад татвартай болох нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой юм. Харин энэ боломжийг нээж өгөх дагалдах хуулиуд нь хурдтайгаар батлагдаж чадах уу зэрэг дээр анхаарах ёстой. Олон улсын жишиг харахад амьдрахад таатай хотууд асар өндөр татвартай байдаг. Тэр хот хэдий чинээ тааламжтай сайхан байна төдий чинээ татвартай байх нь бий.

-Та залууыг хамарсан уулзалтууд зохион байгуулж байгаа. Тэдгээрийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх байр суурь, оролцоо ямар байна вэ. Та хэрхэн дүгнэв?

-Тун саяхан “Залуусын дуу хоолой” чуулга уулзалт зохион байгуулсан. Энэ чуулга уулзалтын хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцсэн. Үндсэн хуультай холбоотой илтгэлүүдийг залуучууд маш анхааралтай сонсч олон асуулт гарч байв. Тухайлбал “Үндсэн хуульд өөрчлөлт хийснээр бидний амьдрал сайжрах уу эдийн засгийн нөхцөл байдалд нөлөөлөх үү” гэж асууж байна. Асар их хамаатай асуудал шүү дээ. Засаглал зөв, тодорхой, шударга байж гэмээнэ төсвийн хөрөнгийг хулгайлах боломж бүрдэхгүй. Төсвийн хөрөнгийг зөв зүйтэй зарцуулваас эдийн засгийн өсөлт бүрдэнэ. Манай төрийн өндөрлөгүүд ийш, тийш яваад зээл авчирлаа гэцгээдэг. Өр тавьж байгаагаа маш их зүйл хийж байна гэж тайлбарладаг. Үнэн хэрэг дээрээ зээл авчхаад гарын салаагаараа урсгаж байснаас аваагүй нь дээр бус уу. Энэ мэт байдлаас болоод Монголын эдийн засгийн нөхцөл бололцоо муу байна. Бизнес эрхлэхэд татварын дарамт ихтэй, авч буй цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байна. Үүнээс болоод л залуус харь орныг зорьж байгаа. 40 гаруй мянган залуус Солонгост очиж ажиллаж байна. Тэд “3D – Dirty, Dangerous, Difficult” буюу бохир, хүнд, хэцүү ажлыг голдуу байна. Тэд залуу нас, эрүүл мэндээ золиослон солонгосчуудын хийхийг хүсдэггүй ажлыг хийж байна шүү дээ. Гэтэл төрд байгаа хэд нь гадаадад ажиллагсдын тоо квот нэмснээ бахархаж сууна. Ийм зүйлээр бахархаж байгаад ичиж байна. Энэ бол бахархал бус. Залуучууд маань яаж ийж байгаад Солонгос явчих юмсан гэсэн хүсэл мөрөөдөлд хөтлөгдөх ёстой хэрэг үү. Тэд маань арай өөр гэгээлэг, глобал хүсэл мөрөөдлөөр жигүүрлэх, түүнээ ажил хэрэг болгодог боломж хэрэгтэй байтал тэдгээр нь хаашаа хулгайлагдаж байгаа вэ. Засаглал муу, авлигатай, төсвийн хөрөнгийг үр ашиггүй захиран зарцуулдаг, дундаас нь хулгайлах явдал байгаа учраас залуучуудын боломж хаагдаад байна. Хүссэндээ бус аргагүй байдалд хүрч Солонгос явж байна. Ийм нөхцөл байдлаас гаргахын тулд цалин өндөр, бизнесийн боломж сайн байх хэрэгтэй. Энэ бүхэн сайн засаглалаар л бий болно гэж би бат итгэдэг.

Бид шинэ Үндсэн хуулиа батлаад хэдийнэ 30-иад жил болжээ. Одоо бид нэмэлт, өөрчлөлт оруулбал лавтайяа дараагийн 20, 30 амьдралд нөлөөлнө. Тиймээс бид бүгдээрээ идэвхтэй байж, санаа бодол, дуу хоолойгоо илэрхийлэх нь зүйтэй юм.


Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Үндсэн хуулийн төсөлд ирүүлсэн саналуудыг тал талаасаа хэлэлцээд ойлголцолд хүрнэ гэж бодож байна

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.


-Ерөнхийлөгчөөр ахлуулсан Зөвшилцлийн ажлын хэсэг байгууллаа.Ийнхүү тусгайлсан ажлын хэсэг байгуулах нь зөв үү?

-УИХ-ын хаврын чуулганаас эхлээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, улмаар ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 1-нийг хүртэл зарлаад байна. Төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад Ерөнхийлөгч болон улс төрийн нам, бусад байгууллагуудаас тодорхой саналууд ирүүлсээр байгаа.Ялангуяа Ерөнхийлөгчийн зүгээс олон багц саналыг ирүүлсэн. Үндсэн хуулийг иргэд, улс төрийн бүх нам, эрдэмтэн судлаачдын саналыг тусгаж батлах ёстой. Парламентын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд бус нийгмийн хэлэлцүүлэгт үндэслэн батлах ёстой баримт бичиг юм. Тиймээс бид наадмын өмнө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар шатны хэлэлцүүлэгт ирсэн саналыг үндэслэн уг шатны хэлэлцүүлгийг түр хойшлуулсан. Үүний дагуу өнгөрсөн 16-ны өдөр Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд өөрийн байр сууриа илэрхийлж, тодорхой саналуудыг гаргасан. Тухайн саналуудыг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлдэх ажлын хэсгийг бид байгууллаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын 63 гишүүн дэмжсэн. Гишүүд дэмжсэний дараагаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлдэх ажлын хэсгийг Шадар сайд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулан байгуулсан. Харин Ерөнхийлөгчийн гаргасан саналтай холбогдуулан Үндэсний зөвшилцлийн ажлын хэсэг байгууллаа. Энэ нь парламентад хамгийн олон суудалтай байгаа хоёр нам, тэдний удирдлагууд, байнгын хороодын удирдлага, бүлэг болон зөвлөлийн дарга нараас бүрдэж буй ажлын хэсэг юм. Уг ажлын хэсэг наймдугаар сарын 9 гэхэд эцсийн байдлаар хэлэлцүүлгийн хувилбар гаргах ёстой.

Байнгын хороодоор УИХ-ын гишүүдийн өргөн барьсан саналуудыг хэлэлцээд хумьчихсан. Одоо Ерөнхийлөгчийн гаргасан санал дээр тэдгээр саналууд нэгтгэгдэнэ. Хэлэлцүүлгийн хоёрдугаар шатанд нэгдсэн төсөл дээр тэрхүү санал нэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Харин тэрхүү төслөө наймдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн парламент хэлэлцээд, хуулийн хугацаандаа батлаад явна.

-Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг ард түмнээр хэлэлцүүлэх үү?

-Наймдугаар сарын 9-ний өдрийг хүртэл парламентын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзана. Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн саналууд сүүлийн гурван парламент дамнаж яригдаж л байсан зүйлс. УИХ-ын гишүүдийн гэж хэлэгдэж байгаа хувийн төслүүдийг өргөх хүрээнд ч гэсэн бид энэ асуудлуудыг судалж байсан. Зарим нэг асуудал нь цаг хугацааны хувьд тохиромжгүй байсан бол нэг хэсэг нь хуулийн хүрээнд парламентын гишүүд өөрсдөө хөндөж болохооргүй хязгаарлалттай зүйлс байсан.Эдгээр шалтгааны улмаас л явахгүй байсан болохоос цоо шинэ зүйл биш юм. Өмнөх парламентуудын үед ч УИХ-ын гишүүдийнхээ тоог нэмье гэсэн саналууд гарч байсан. 2012-2016 оны хооронд Н.Батбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж, 99-д хүргэх саналыг гаргаж байсан. Тэр хүрээнд бид улс төрийн намын тодорхойлолтыг илүү нарийвчилъя гэж үзэж байсан ч сая ерөнхийд нь оруулж ирсэн байх жишээтэй.Байгалийн баялгийн дахин хуваарилалтын асуудал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хамгийн их яригддаг сэдэв.Үүнийг тодорхой болгон илүү нарийвчилж оруулж ирж байна.Хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад дүүргүүдийг хотын статустай болгоё, сонгуулийн тогтолцоог тодорхой болгож тусгаж өгье, хөгжлийн бодлого төлөвлөлттэй холбоотой асуудлаар Үндсэн хуулийн түвшинд гаргаж тавья, эдийн засгийн гол заалтуудыг Үндсэн хуулийн эдийн засгийн хүрээнд томьёолж оруулъя гэх мэт энэ саналууд ч яригдаж байсан. Энэ мэтчилэн хэлэлцүүлгийн үед яригдаж байсан зүйлс уг саналд багтсан. Эдгээр асуудлуудыг тал талаасаа хэлэлцэж, ойлголцож чадна гэж найдаж байна.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг ҮАБЗ, Үндэсний хөгжлийн газар батламжлах нь зөв үү. Ард нийтээр дэмжигдэж, зөвшөөрөл авчихсан мөрийн хөтөлбөрийг Ерөнхийлөгч шүүх нь хэр зүйд нийцэх вэ?

-Ерөнхийлөгчийн санал болгож буй төсөл дотор авах зүйл ч, гээх зүйл ч байна. Иймээс авах гээхийн ухаанаар хандах байх гэж бодож байгаа. Ер нь бол байгалийн баялагтай, хот, дүүргийн статус, праламентыг улам боловсронгуй болгохтой холбоотой асуудлууд дээр гаргаж буй саналуудыг би хувь хүнийхээ үүднээс дэмжиж байгаа. Шүүхтэй холбоотой, хөгжлийн бодлого төлөвлөлт, улс төрийн намтай холбоотой зарим зүйл дээр санал нийлэхгүй байгаа. Тэгэхээр энэ бүхнийг хэлэлцүүлгийн явцад хэлэлцээд шийдээд явна гэж бодож байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр дамжуулж Засгийн газрын өдөр тутмын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрт нь оролцох буруу хандлага. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд гүйцэтгэх засаглалын хоёр институт болох Ерөнхийлөгч, Засгийн газар байнга зөрчилтэй байж ирсэн. Тухайлбал, Ерөнхийлөгчийн институт тодорхой асуудлууд дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэрийг барьж хил хязгаар давж орж ирдэг.Үүнээс үүдэж тухайн асуудал эзэн биегүй, тодорхойгүй болдог зүйл бий. Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан эрх үүргээсээ давсан бүрэн эрхүүдийг өөртөө хуулиар олгож, энэ хүрээнд үйл ажиллагаа явуулдаг гэх зэргээр шүүмжлэлтэй ханддаг зүйлүүд бий. Гэтэл үүнээс бүр давж Аюулгүй байдлын зөвлөлөөр дамжин Засгийн газрын өдөр тутмын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хянахад орж ирэх нь буруу юм.

-Монгол банк, Үндэсний хөгжлийн газар гэх мэт байгууллагууд Үндсэн хуулийн байгууллага болох нь зөв үү. Тухайн газруудын үндсэн зарчмыг тэртэй тэргүй Үндсэн хуулиар зохицуулж байхад заавал ийм заалт оруулах шаардлагагүй талаар судлаачид хэлж байна л даа?

-Үндсэн хуулийн эрх зүй гэж хууль зүйн шинжлэх ухааны бие даасан салбар байдаг. Үндсэн хуулийн бичлэг гэж мөн нарийн зүйл бий. Бусад хуулиудыг бодоход арай өөр. Үндсэн хууль гэж байгаа боловч энэ нь үнэндээ нийгмийн зөвшилцлийн баримт бичиг юм. Нийгмийн, хөгжлийн бодлогын баримт бичиг.

Энэ утгаараа дээрх асуудлыг Үндсэн хуулийн төвшинд зохицуулах ёстой эсэх дээр судлаачид байр сууриа илэрхийлээд эхэлсэн байна лээ. Миний хувьд санал нэг байгаа. Ялангуяа Монгол банк, Үндэсний хөгжлийн газрын асуудлыг заавал Үндсэн хуулийн байгууллагын түвшинд авч хэлэлцэх шаардлага өнөөдөр үүсээгүй байна. Оруулж ирж буй тодорхойлолтыг харахад тэдгээр байгууллагууд саналаа өгөхдөө Ерөнхийлөгчийн институтэд уламжилсан байсан. Бид дэд ажлын хэсэг дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барих хүрээнд судалж байсан л даа. Тухайн үед бид Үндсэн хуулийн байгууллагын түвшинд тодорхойлж оруулж ирэх нөхцөл байдал үүсээгүй байна гэж үзсэн юм.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн эхний хэлэлцүүлгийг хийсэн. Тэгвэл тэрхүү төслийн хэдий хувьд нь Ерөнхийлөгч, гишүүд, улс төрийн намуудын саналыг оруулах вэ. Тодорхой журам байдаг уу?

-Бид өнөөдөр Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг хийхдээ Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг дагаж мөрдөж байна. Бид хууль, журмын дагуу явуулах үүднээс тухайн хууль дүрэмд заасан цаг хугацааг баримтлан ажиллаж байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар 35 хувиас дээш өөрчлөлт хийгдвэл Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга буюу шинэ Үндсэн хуулийн асуудал руу орох болно гэж үздэг. Тиймээс бид энэ удаа нэмэлт, өөрчлөлтийн түвшинд буюу 35 хүртэлх хувьд өөрчлөлт оруулна гэсэн бодлого баримталж байгаа. Гишүүдийн өргөн барьсан төсөл Үндсэн хуулийн 28 хүртэлх хувьд өөрчлөлт хийгдсэн байна гэж бид үзсэн. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хориод зүйлийн саналыг бид нарийвчилж тусгавал 35 хувь дотор багтана гэж үзэж байгаа. Ерөнхийлөгчийн төсөл дотор гишүүдийн асуудлаас тусдаа хөндсөн зүйл нь харьцангуй ховор байна. Зөвхөн парламентын гишүүдийн тоо, тэдний бүрэн эрхийн хугацаа, Монгол банк, Үндэсний хөгжил, бодлого төлөвлөлттэй холбоотой зүйлс дээр л өөрчлөлтийн асуудал байна. Тиймээс 35 хувиас хэтрэхгүй гэж харж байгаа.

-Гишүүд төслөө өргөн мэдүүлэхийн өмнө Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хүлээж аваагүй, танилцаагүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Ерөнхийлөгч тун саяхан л төсөлтэй танилцсан болов уу. Үүнээс үзэхэд Ерөнхийлөгч өөрийн энэхүү төслөө хэр хугацаанд боловсруулсан байж таарах вэ?

-Үүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас асуух хэрэгтэй.

-Байгалийн баялаг нийтийн өмч байна гэдэгтэй та санал нийлж байгаа юу. Хэрэв тийм бол яагаад?

-Ерөнхийлөгчийн санал болгож буй төсөл дотор хамгийн нааштай, авууштай нэг зүйл байсан. Тэр нь өмчийн харилцаан дээр орж ирсэн томьёолол. Үүнийг зөв гэж үзэж байгаа. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуулийн хүрээнд байгалийн баялаг, газрын хэвлийн баялаг, ой, ус, мод зэрэг нь ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байна гэсэн байдаг. Харин 6.2 дахь заалтаараа төрийн өмч байна гээд заачихсан байдаг. Харин энэ санал дээр төрийн өмч гэдэг ойлголтыг хоёр ялгаж үзэхээр байгаа юм. Заяагдмал өмчөө бид төрийн биш нийтийн өмч гэж үзэх нь. Байгалийн баялаг, ой, мод зэргийг бид бүтээгээгүй шүү дээ. Харин төрийн өмч гэсэн ойлголтод үүсмэл өмч буюу өнөөдөр бидний бүтээж буй бүтээн байгуулалтыг хамааруулан ойлгохоор байгаа. Энэ хоёрын зааг ялгааг энэ төсөл дээрээ нарийвчлан гаргаж ирсэн нь их олзуурхууштай. Өмнө нь манайд нийтийн өмч гэсэн ойлголт их учир дутагдалтай байсан. Цаашдаа нийтийн өмчийн хүрээнд стратегийн ач холбогдолтой орд газруудынхаа байгалийн баялгийг хэрхэн ашиглах, баялгийн хуваарилалтаа хэрхэн хийх, хэрхэн зөв зохистой ашиглах вэ зэрэг олон асуудлууд хөндөгдөж таарна. Харин стратегийн ач холбогдолтой ордтой холбоотой оруулж ирж буй заалтууд нь Үндсэн хуулийн төвшинд биш Органик хууль, Ашигт малтмал, Татварын холбогдох хуулиар зохицуулж болохоор юм. Баялгийн сан байгуулах, стратегийн ач холбогдолтой орд газруудад хувь эзэмшихтэй холбоотой заалтуудыг Үндсэн хуульд тусгах шаардлага байгаа эсэхийг гишүүд хэлэлцэн шийднэ гэж бодож байна. Миний хувьд үүнийг Үндсэн хуульд оруулах нь буруу гэсэн байр суурьтай байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Маникюрт орохдоо мартаж болохгүй зүйл

Охид, бүсгүйчүүдийн онцгойлон цаг, зав гарган авдаг үйлчилгээ нь хумсны маникюр болсон. Зүсэн зүйлийн өнгө, будаг, гоёл чимэглэл бүсгүйчүүдийг соронз мэт татаж, хумсаа гоёх гэсэн хүсэл тэднийг эзэмддэг нь лавтай. Яг үнэндээ өнөөх олон төрлийн өнгөнөөс сонгож ядан суух бүсгүй багаж, хэрэгслийнх нь сайн, муу, сайхан муухайг огтоос анзаардаггүй. Аз болоход зарим газар нь арай дөнгүүр, багаж, хэрэгсэл, будаг шунхандаа анхаарч, бусдыг гэмтээж, элдэв өвчин эмгэг тусахаас нь сэргийлдэг болов уу гэж найддаг юм. За тэгээд ганц сарын сургалтад суугаад, нэг удаагийн багаж хэрэгсэл авч тавьчихаад, хаа газрын булан тохойг ашиглан гоо сайхан яриад суух нөхөд олон л доо. Тэд хэрхэн тарамдаж, бусдыг яаж хохироодог болохыг бид тэр бүр мэдэхгүй. Хумсны махаа буруу авахад л арьс сөрөх, мах нь нөхөн төлжиж ургахгүй байх гэх мэт сөрөг нөлөөтэй. Ариутгал сайн хийгээгүй багаж хэрэгслээс үүдэн элэгний вирусээс эхлээд элдэв халдварт өвчин тусах эрсдэл бийг эмч нар анхааруулдаг. Халдвар авдаггүй юмаа гэхэд мөөгөнцөртөх тохиолдлууд ч цөөнгүй гарах болсон. Иймд маникюрт ороод марталгүйгээр ямар багаж хэрэгслээр үйлчлэх, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг нь чухалчлан асуугаарай. “Эрүүл мэнд эрхэм баян” шүү дээ гоёхон бүсгүйчүүд минь.