Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Мөнхсайхан: Парламeнтын засаглалаас татгалзах эсэхээр Ард нийтийн санал асуулга явуулж болохгүй

-ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДСЭН ХУУЛИЙНХАА АМИН СҮНС БОЛСОН ПАРЛАМЕНТЫН ТОГТОЛЦООНООС ТАТГАЛЗЪЯ ГЭЖ БАЙГАА НЬ ТАНГАРГААСАА НЯЦСАН НОЦТОЙ ҮЙЛДЭЛ МӨН-

МУИС, Хууль зүйн сургуулийн профессор, доктор, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Ажлын дэд хэсгийн гишүүн О.Мөнхсайхантай ярилцлаа.


-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс төслөө татаж авлаа. Энэ нь ямар үр дагавартай шийдвэр вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.3.4-т зааснаар УИХын чуулганаар урьдчилж тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр үзэл баримтлалтай төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох бөгөөд бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно гэж заасан. УИХын 62 гишүүн өргөн мэдүүлж, нэгдүгээр хэлэлцүүлэг хийсэн төсөл бол урьдчилан тогтсон ганц төсөл. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлийн төсөл, саналыг наадмын дараа өргөн мэдүүлсэн ч УИХ Ерөнхийлөгчийн уг төслийг хэлэлцээгүй, харин дээрх хуулийн заалтын дагуу саналын түвшинд харгалзаж хэлэлцээд явсан. 62 гишүүний төслийг хэлэлцэх явцад Ерөнхийлөгч төслийг саналын түвшинд харгалзан үзсэн. Тиймээс Ерөнхийлөгч төслөө татаж авсан ч энэ нь УИХаас хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжсэн төсөлд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй.

-Ерөнхийлөгч төсөл, саналаа татсан шалтгаан нь УИХ-ын гишүүдийн төсөлд тусгаж өөрчлөөгүйтэй холбоотой гэж байна.

-Ерөнхийлөгчийн хувьд УИХын хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжсэн энэ төслийг дорвитой өөрчлөлт болсонгүй гэж үзсэн учир төслөө татаж авлаа гэх зүйлийг хэлчих шиг боллоо. Гэтэл, өнгөрсөн сар хагасын хугацаанд Ерөнхийлөгчөөс гаргасан санал, төслийг тусгах Зөвшилцлийн ажлын хэсгийг Ерөнхийлөгчөөр ахлуулан байгуулсан. Ерөнхийлөгчийн төсөл, саналаас маш их зүйлсийг 62 гишүүний төсөлд тусгасан. Тухайлбал, байгалийн баялгийг ашиглах зарчим, энэ дотроо байгалийн баялгийг төрийн нийтийн өмч гэж заах, Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх агуулгатай ард нийтийн санал асуулга явуулахыг хориглох, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүний хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтоох, нам байгуулах гишүүдийн доод хэмжээг тогоох, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх, хотын статусыг тодотгох зэрэг саналыг төсөлд тусгасан байна. Мөн Ерөнхийлөгч 62 гишүүний төслийн шүүхтэй холбоотой бүх заалтыг хасах санал гаргаад, бас энэ чиглэлээр хоёр заалттай төсөл өргөн барьсан. Үүнээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг заах, Шүүхийн сахилгын хороог бие даалган байгуулж, шүүгчийн хариуцлага, олон нийтийн итгэх итгэлийг дээшлүүлэх, шүүхийн тойргийн журмаар байгуулах гэсэн гурван заалтыг Зөвшилцлийн ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХын чуулган дэмжсэн. Энэ гурван заалтын талаар ЕТГын дарга З.Энхболд “Боломжийн дундын хувилбар. Монгол Улсын Ерөнхийлөгч ерөнхийд нь зөвшөөрч байгаа. Шүүхийн маш чухал шинэчлэл болно. Үүнийг аль болох хурдан хэрэгжүүл” гэж УИХын нэгдсэн болон байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн. Томоор харах юм бол Ерөнхийлөгчийн саналууд маш их тусгагдсан.

-Гишүүдийн тоог нэмэх, бүрэн эрхийн хугацааг сунгах гэх зэргээр саналуудаа илэрхийлсэн ч тусгагдаагүй гэж байна л даа.

-ЕТГ-ын даргын зүгээс УИХын гишүүдийн тоог 108, УИХын болон ИТХын бүрэн эрхийн хугацааг таван жил болгосонгүй, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд заасангүй гэж хэлж байна. Хамгийн гол нь эдгээр саналыг иргэдийн дийлэнх дэмжихгүй байгаа. УИХ-ын гишүүд эдгээр саналыг дэмжиж, төсөлд тусгагдаагүй нь иргэдийнхээ санаа бодлыг харгалзсан хэрэг. Мөн Ерөнхийлөгч давхар дээлийг тайлсангүй гэж байна. Гэтэл УИХаас дэмжсэн төслөөр бүрэн зогсоож давхар дээлийг бараг тайлсан. Зөвхөн Ерөнхий сайд, дөрөв хүртэлх Засгийн газрын гишүүн УИХын гишүүн байж болохоор тусгасан. Түүнчлэн, УИХаас сая дэмжсэн төслөөр Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгч УИХруу оруулахыг үүрэг болгосон заалтыг тодорхой болгосон. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хуулиа л Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болсон. УИХаас томилогдсон Ерөнхий сайд нь өөрөө бие даагаад УИХруу Засгийн газрын гишүүдийн нэрсээ оруулъя гэж байгаа нь кабинетын зарчмыг хангах чухал алхам боллоо.

Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газрыг тогтвортой байлгах заалт оруулсангүй гэсэн. Энэ бол ор үндэсгүй зүйл. Одоогийн Үндсэн хуулиар Засгийн газрын огцруулах дөрвөн төрлийн боломж байдаг. Түүнийг нэг болгон цөөлсөн. УИХ-аас сая дэмжсэн төслөөр УИХ-ын 1/4-ээс доошгүй гишүүн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг санаачилсан бол гурав хоногийн дараа арав хоногийн дотор хэлэлцэж, УИХ-ын нийт гишүүний олонхоор шийдвэрлэхээр зааж байна. Ерөнхий сайдыг огцруулсан бол 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилох ёстой гэсэн заалт орсон. Хэрэв энэ хугацаанд Ерөнхий сайдаа томилж чадаагүй бол УИХ өөрөө тарах юм. Энэ батлагдсанаараа Засгийн газрыг тогтвортой болгох чухал ач холбогдолтой. Парламентын болон хагас Ерөнхийлөгчийн тогтолцоотой улсын дийлэнхэд нийт гишүүний буюу туйлын олонхоор Ерөнхий сайдыг огцруулдаг. Жишээлбэл, Швед, Португаль, Бельги, Эстон, Литва зэрэг улсад ийм чухал зохицуулалт байна.

-Ерөнхийлөгчийн зүгээс засаглалын хэлбэрийг ард түмнээс асуух хэрэгтэй гэж байна. Хуулийн хүрээнд боломжтой юу?

-Ийм асуултыг ард нийтийн санал асуулга руу оруулах боломжгүй. Үндсэн хуулийн болон бусад хуулийн үндэслэлийг хэлье. 1992 оны Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал нь парламентын тогтолцоо. Парламентын тогтолцоог өөрчлөх буюу үүнээсээ татгалзах эсэх асуудал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт биш, харин шинэ Үндсэн хуулийн асуудал. Парламентын тогтолцоог өөрчлөх агуулгатай Ард нийтийн санал асуулга явуулахыг Үндсэн хууль зөвшөөрөөгүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль өөрөө өөрийгөө устгах асуудлыг санаачилж хийхийг Ерөнхийлөгчид ч, УИХ-д ч зөвшөөрөөгүй хэрэг. Үндсэн хуулийн 68.2-т зөвхөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар л Ард нийтийн санал асуулга явуулж болохоор заасан. Мөн, Үндсэн хуулийн 32.2-т заасны дагуу “Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” гэж энэ Ерөнхийлөгч тангараг өргөсөн атлаа уг Үндсэн хуулийнхаа амин сүнс болсон парламентын тогтолцооноос татгалзъя гэж байгаа нь тангаргаасаа няцсан ноцтой үйлдэл мөн. 2018 оны намрын чуулганы нээлтэд бас ийм зүйл хэлсэн, өнөөдөр үүнийгээ бодит үйлдэл болгож байгаа нь төрийн тэргүүн буюу үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд байж болохгүй алхам.

Үүний зэрэгцээ, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хууль, УИХ-ын хуралдааны Дэгийн тухай хууль гэсэн гурван хуулиар Ард нийтийн санал асуулгыг явуулдаг. Үндсэн хуулийн асуудлаарх Ард нийтийн санал асуулгыг зөвхөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хуулиар л явуулна. Парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэсэн асуулт асуух Ерөнхийлөгчийн санаачилга нь уг журмын хуулийг процедурын болон агуулгын талаас нь ноцтой зөрчиж байгаа юм. Процедур талаасаа гэвэл Засаглалын хэлбэрийг асуух төслийн талаар иргэдийн санаа бодлыг огт сонсоогүй, судалгаа хийгээгүй, хэлэлцүүлээгүй, холбогдох байгууллагаас санал аваагүй зэргээс үзэхэд уг тогтоолын төсөл нь төслийг боловсруулахад тавих журмын хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг хийж, УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас дээш дэмжлэг авч байж Ард нийтийн санал асуулга явах боломж бүрдэнэ. Засаглалын хэлбэрийн асуудлаар ийм процесс огт хийгдэхгүй тул Ард нийтийн санал асуулга руу шууд орно гэж байхгүй. Нөгөө талаар, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг эвдэх, эсвэл Үндсэн хуулийн 35-аас илүү хувийг өөрчлөх агуулгатай нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах, эсхүл Ард нийтийн санал асуулга руу оруулахыг хориглочихсон. Тэгэхээр засаглалын хэлбэрийг өөрчилнө гэдэг нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг эвдэж байгаа учраас үүгээр нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй. Дээрээс нь энэ нь шинэ Үндсэн хуулийн асуудал учраас Үндсэн хуулийн нийт зүйлийн 35 хувиас хэтэрч, агуулгын хувьд хориглогдож байгаа юм. Тэгэхэээр өнөөгийн хууль тогтоомжийн хүрээнд парламентын засаглалаас татгалзах асуудлаар Ард нийтийн санал асуулгаар явуулах хориотой. Ард нийтийн санал асуулгыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулж болно. Гэхдээ энэ нь саяын журмын хуулийн дагуу л явна. Ард нийтийн санал асуулга явуулах хуулийг дангаар нь бариад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ярьж болохгүй.

-Парламентын засаглалаасаа татгалзах нь зөв үү?

-Парламентын засаглалаас татгалзах ямар ч үндэслэл, судалгаа байхгүй. Парламентын засаглал бол манай улсын аюулгүй байдлын баталгаа. Ерөнхийлөгчийн засаглалтай болвол Ерөнхийлөгч гэсэн нэг субьект Монгол Улсын хувь заяаг шийдвэрлэх хэтэрхий том эрх мэдэлтэй болно, иргэд хянаж чадахгүй байдал руу орох өндөр эрсдэлтэй. Тэр хүчтэй Ерөнхийлөгчийг гадны нэг улс эсвэл эдийн засгийн ашиг сонирхолтой нэгэн зүй бусаар нөлөөлөх юм бол Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдалд халтай. Ийм л шалтгаанаар 1992 оны Үндсэн хууль тогтоогчид Ерөнхийлөгчийн засаглалаас татгалзсан байдаг. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй буюу Монгол Улсын хувь заяаны асуудлыг парламентаараа ил тод хэлэлцэж, олонхоорооо шийдэж байя, энэ нь аюулгүй байдлын баталгаа юм гэдэг үзэл баримтлал зөв байсан нь өнгөрсөн 27 жилийн хугацаанд харагдлаа. Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой аюул учруулах олон асуудал парламентаар хэлэлцэгдээд саармагжиж байсан жишээг хэлж болно. Дээрээс нь парламентын тогтолцоо өөрөө ардчилалын баталгаа. Ардчилал урт хугацаанд хэрэгжсэн 20 гаруйхан улс байдаг. Үүнээс ганцхан АНУ л Ерөнхийлөгчийн засаглалтай. АНУ нь Британиас өвлөн авсан хараат бус шүүх, хүчтэй парламенттай төдийгүй холбоо мужийн түвшинд эрх мэдлийг хатуу заагласан, энэ нь бусад улсад байхгүй ихээхэн өвөрмөц нөхцөлтэй учраас энэ засаглал ажиллаж байгаа гэдэг. Бусад буюу урт хугацаандаа ардчилсан дэглэмтэй улсууд парламентын тогтолцоотой юм. Парламентын тогтолцоо нь ардчиллыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй төдийгүй эдийн засаг, хүний эрхийг хамгаалахад маш чухал үр нөлөөтэй гэдгийг олон судалгаанаас харж болно. Тодруулбал, эдийн засгийн хувьд өндөр хөгжсөн, хүний эрхийг дээдэлсэн, хамгаалсан, авлигалыг маш сайн бууруулсан, хамгийн ардчилсан эхний 30 улсыг аваад үзэхэд гуравны хоёроос илүү нь парламентын тогтолцоотой байгаа. Иймд бид парламентын засаглалаа бэхжүүлж, төлөвшүүлж, үүнийхээ үр шимийг хүртэх ёстой. Түүнээс бүх зүйлийг шинээр эхлэх шаардлагагүй.

-Ардчилсан намын зүгээс ч өөрсдийн саналаа татсан гэдгээ илэрхийлсэн. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ардчилсан намын санал гэж байхгүй. Харин Д.Эрдэнэбат гишүүн АН-ын зөвлөлөө төлөөлөөд саналаа өгсөн. Тэндээс цөөнгүй саналууд тусгагдсан. Жишээ нь, газрын хэвлийн баялгийн орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлж, татварын хувь хэмжээг тогтоохтой холбоотой саналуудыг АН-аас авч, төсөлд тусгасан. Мөн УИХ-ын гишүүн өргөсөн тангарагаа зөрчиж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах саналыг ч авсан. Д.Эрдэнэбат гишүүн саналаа татсан байсан ч нэгэнт дэмжигдээд тусгагдсан заалтуудыг өөрчлөх ямар нэг хууль зүйн үр дагаваргүй. АН-ын гишүүдээс өөрсдөө оролцоод явсан нь энэ процессоор гарсан үр дүнг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ард нийтийн санал асуулга явуулахдаа хэрхэн явуулах юм бэ. Зүйл, заалт бүрээр үү, эсвэл ерөнхийд нь үү?

-УИХ-ын хоёрдугаар хэлэлцүүлгээр 57-гоос доошгүй гишүүдийн саналаар дэмжигдсэн төслийн эхийг дэмжинэ, дэмжихгүй гэдгээр л иргэд саналаа өгнө. Түүнээс зарим заалтыг дэмжинэ, дэмжихгүй гэдгээр санал хурааж болдоггүй юм. Үндсэн хууль бол цогц систем учраас тэр. Хоорондоо уялдаа холбоотой зарим заалтыг нь дэмжээд, заримыг нь дэмжихгүй байна гэдэг Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг эвдэх учраас УИХ-аар хэлэлцэж өндөр босго давсан төслийн эхийг дэмжих эсэхийг л асууна.

-Дэмжихгүй гэчихвэл яах вэ?

-Энэ нэмэлт, өөрчлөлтийг иргэд дэмжихгүй бол одоогийн Үндсэн хууль хэвээрээ үлдэнэ. Гэхдээ энэ нэмэлт, өөрчлөлтийг оруулах зайлшгүй шаардлага бий. 62 гишүүний өргөн барьсан төсөл дээр Ерөнхийлөгч, Ардчилсан нам болон бусад нам, олон нийтийн саналыг тусгаад УИХ-ын 57-гоос доошгүй гишүүн дэмжчихээд байгаа энэ төсөл нь парламентын тогтолцоог бэхжүүлж, Монгол Улсыг тогтвортой хөгжүүлэх тун дорвитой өөрчлөлт болно гэж үзэж байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ажлын дэд хэсгийн гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт маш олон чухал өөрчлөлт хийж байгаа. Дээр хэлсэнчлэн Засгийн газрыг тогтвортой, хариуцлагатай ажиллуулахад энэ нэмэлт, өөрчлөлт маш том алхам болж байна. Давхар дээлийг хязгаарлаж, Засгийн газрыг эмхлэн байгуулах журмыг тодорхой болгож байна. Засгийн газрыг огцруулах хэтэрхий өргөн боломжийг хязгаарлан, одоогийнхоос илүү өндөр босго тавина. Ерөнхий сайд өөрт нь бодлогын асуудлаар итгэл хүлээлгэхийг УИХ-руу оруулж, үүнийг нь нийт гишүүдийн олонхоор шийддэг болох нь. Хэрэв дэмжээгүй бол шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох, томилж чадахгүй бол УИХ-ыг тараах байдлаар зохицуулж байна. Энэ нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах чухал заалт болно. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхийг УИХ-д хориглож байна.

Гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлж байгаатай холбоотойгоор гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтыг сайжруулсан маш чухал хоёр өөрчлөлт орж байна. Нэгдүгээрт, УИХ-ын 4/1-ээс доошгүй гишүүдийн санаачилгаар Хянан шалгах түр хороо байгуулж, нийтийн ашиг сонирхолд тодорхой асуудлаар бодитой, үндэслэлтэй дүгнэлтийг УИХ-ын гишүүд гаргаж тавих, түүнийг олон нийтэд хүргэх боломжийг нээсэн. Энэ нь олонх нь шийдвэрээ гаргаж цөөнх нь хяналт тавина гэсэн парламентын засаглалын зарчмыг бэхжүүлж байгаа юм. Үүнээс гадна төрийн аудитыг хараат бус байх үндсийг тавьж өгсөн. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх аудитын байгууллагыг хараат бусаар ажиллах зохицуулалтыг Үндсэн хуульд оруулж өгч байгаа юм. Энэ зохицуулалт орсноор төрийн санхүү, төсвийн гүйцэтгэлд тавих хяналт сайжирна. Мөн Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг зургаан жилээр нэг удаа томилохоор боллоо. Ерөнхийлөгчид Үндсэн хуульд байхгүй эрхүүдийг органик хуулиар нэмж өгдгийг болиулж, зөвхөн үндсэн бүрэн эрхийг нь хуулиар зааж өгч байна.

Түүнчлэн УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг чанаржуулах, гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтыг сайжруулахтай холбоотой өөрчлөлтүүд орж байна. Жишээ нь, хуулийг 20-хон гишүүн батлах боломжтой байсан бол 39-өөс доошгүй гишүүдийн саналаар баталдаг болж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хагас жилд тутамд 50-иас доошгүй ажлын өдөр чуулдаг байсан бол 75-аас доошгүй болгож нэмэгдүүлэн, байнгын ажиллагаатай парламентын шинжийг хангаж байна. УИХ-ын гишүүдийн эгүүлэн татах үндэслэлийг тодорхой болгосон. Ерөнхий сайдыг томилоогүй 45 хонох, эсвэл огцруулчихаад 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилохгүй байх тохиолдолд УИХ өөрөө тардаг болно. Энэ нь УИХ-ыг хариуцлагажуулах чухал ач холбогдолтой. Намуудад дотоод ардчилалтай, хөрөнгө орлогын эх үүсвэр нь ил тод байх үүргийг хүлээлгэж байна. Ингэснээр сүүлийн гурван парламент дамжиж хэрэгжээгүй намын шинэчлэл явагдана.

Сонгуулийн тухай хуулийг 2016 оны сонгуулиас хоёр сарын өмнө өөрчилж байсан. Өнгөрсөн 27 жилийн турш сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуулийг шинээр баталж байж. Үүнийг зогсоох зорилгоор УИХ-ын сонгууль болохоос нэг жилийн дотор Сонгуулийн хуулийг шинээр батлах, нэмэлт, өөрчлөлт оруулахыг хатуу хориглож байна. Энэ тохиолдолд иргэдийн сонгох, сонгогдох эрхийн баталгаа сайжирна.

-Шүүх засаглалд ямар өөрчлөлтүүд оров?

-Гурван чухал өөрчлөлт орсон. Шүүхийн ерөнхий зөвлөл гэх байгууллагыг Үндсэн хуульд байгуулсан. ШЕЗ нь шүүгчдийг хуульчдаас шилж сонгох зэрэг ажлыг хийдэг. Энэ байгууллагын бүтэц бүрэлдэхүүнийг сүүлийн 27 жил дөрвөн удаа өөрчилсөн. Өөрчлөхдөө Хууль зүй, дотоод хэргийн сайд, Дээд шүүхийн дор, эсвэл Ерөнхийлөгчийн нөлөөнд оруулах зэргээр урвуулан ашиглаж байсан. Үүнийг зогсоож ШЕЗ-ийг тал талын төлөөллийг оруулсан байдлаар бүрдүүлэхээр Үндсэн хуульд зааж өгч байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн 49.5-д ШЕЗ 10 гишүүнтэй байна. Тавыг нь шүүгчид ардчилсан зарчмаар сонгоно. Үлдсэн тавыг нь нээлттэйгээр нэр дэвшүүлж, хуульд заасны дагуу томилно. Эдгээр нь даргаа дотроосоо сонгоно. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахтай холбоотой ШЕЗ-ийн үйл ажиллагааны тайланг Дээд шүүхэд хүргүүлнэ гэж заасан. Ингэснээр шүүхийн хараат бус байдал бэхжинэ.

Дараагийн чухал өөрчлөлт бол шүүгчийг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр сануулах, огцруулах зэрэг шийтгэл ногдуулах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргах Сахилгын хороог бие даалган байгуулж байна. Энэ нь өнөөдрийн шүүгчийн хариуцлагын үр нөлөөгүй тогтолцоог өөрчилнө. Шүүхийн хариуцлагын тогтолцооны тогтвортой байдлыг хангаснаар залгамж чанар, үр нөлөөг нь сайжруулна. Шүүгчийн хариуцлагын тогтолцоонд ШЕЗ маш ихээр оролцдог байсныг ч таслан зогсоож байгаа. Гуравдугаарт, шүүгчдийг тойргийн журмаар буюу аймаг, дүүрэг дундын шүүхийг байгуулах боломж олгож байгаа нь эдийн засгийн хувь үр нөлөөтэйгөөс гадна иргэдийн шударгаар шүүлгэх эрх, шүүхийн үйлчилгээний хүртээмжийг хангах, шүүхийг дагнан байгуулахад чухал нөлөөтэй юм.

-МАН дангаараа Үндсэн хуулийг өөрчилж болох уу, тийм эрхтэй юу?

-Одоо хийгдэж буй нэмэлт, өөрчлөлт нь 1992 оны үетэй адилхан үндэсний хэмжээний зөвшилцөл, ойлголцолд тулгуурлан гарч ирсэн гэж хэлж болно. Төслийг өргөн барьсан 62 гишүүн дотор МАН-ын гишүүд олонх байгаа ч үүнд АН-ын нэг, МАН-ын нэг гишүүн гарын үсэг зурсан байдаг. Уг төсөл нь сүүлийн 20 жил яригдаж, 2011, 2012, 2015 онуудад өргөн баригдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийн агуулгыг тусгагдсан, хамгийн их судлагдсан, мөн сүүлийн гурван жил иргэдийн санаа бодлыг сонсож боловсруулагдсан. Төслийг өргөн барьснаас хойш бараг гурван сар гишүүд тойрогтоо очиж иргэдийн санаа бодлыг сонссон, судлаачдын, иргэний нийгмийн, улс төрийн намуудын санал, шүүмжийг сонсож зохих өөрчлөлт оруулсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гаргасан санал, төсөл, Ардчилсан намаас гаргасан саналыг олон талаас нь хэлэлцэж хамгийн боломжит хэмжээнд тусгасан. УИХ-д ардчилсан нам олонх байхад боловсруулагдаж 2015 онд өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн агуулгын дийлэнхийг одоогийн 62 гишүүний төсөлд тусгасан тул нэг намын төсөл гэж гарах нь утгагүй. Нөгөө талаар МАН нь парламентын засаглалаа бэхжүүлэхийн тулд ард түмнээсээ асууж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж амлаж 2016 оны сонгуульд оролцоод, УИХ-д 65 суудал авсан нь иргэдийн зүгээс уг асуудал дээр дэмжсэн гэсэн үг. Гэхдээ, зөвхөн парламентын засаглалаа бэхжүүлэх зарим өөрчлөлт хийхийг иргэд дэмжсэн гэсэн үг. Монгол Улсын Үндсэн хуулийн 69.1-д заасны дагуу УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй саналаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн тул энэ босгыг давсан нэмэлт, өөрчлөлтийг оруулах нь хууль ёсны бөгөөд Үндсэн хуульд нийцсэн юм. УИХ өөрөө дөрөвний гурваар эцэслэн батлах боломжтой ч уг төслийн Ард нийтийн санал асуулга руу оруулахаар шийдвэрлэв. Уг санал асуулгаар иргэд дэмжсэн тохиолдолд уг нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгч хориг тавихгүй, гарын үсэг зурахгүй, Үндсэн хуулийг Цэц ч хянахгүй эцэслэгдэнэ.


Categories
мэдээ цаг-үе

З.Энхболд: Орос улстай байгуулсан “Иж бүрэн стратегийн гэрээ” хугацаагүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.


-ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад дөрөв дэх удаагаа айлчиллаа. ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путиныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төв талбайд угтан авч, халуун дотноор тэврэлдэж, нэгэндээ Халхын голын дайны ялалтын түүхт ойн баярын мэндийг хүргэсэн. Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт халуун дулаан уур амьсгал дунд өрнөж, 80 жилийн өмнө дайны талбарт амь насаа хайрлаагүй ард түмнүүд болох Монгол, Оросын харилцаа төр засгийн төдийгүй ард түмний сэтгэлд ойр дотно байдгийг харууллаа гэж ойлгож байгаа.

-Айлчлалаар цөөнгүй гэрээ үзэглэсэн ч эдийн засгийн чигийн тохироо хийгдсэнгүй гэх шүүмжлэлүүд байна л даа.

-Орос, Монголын эдийн засгийн харилцаа, худалдаа сүүлийн үед өргөжиж байгаа. Ерөнхийлөгч Путиныг дагалдан ирсэн компаниудын жагсаалтыг харахад л ойлгомжтой байх. Хамтран ажиллах талбар маш их бий. Саяын айлчлалын гол зорилго нь эдийн засгийн асуудал шийдэхээсээ илүү бүх салбарын харилцааны үндэс болсон хоёр орны найрсаг харилцаа, стратегийн түншлэлийн гэрээгээ өргөтгөж иж бүрэн болгож шинэчлэн байгуулсан явдал байлаа.

Өмнөх буюу 1993 онд байгуулсан нь 20 жилийн хугацаатай, сунгагддаг хэлэлцээр байсан. Энэ удаад хугацаагүйгээр байгуулснаараа онцлог. Энэ бол итгэлцлийн хамгийн дээд илэрхийлэл. Мөн бүхий л салбарт, тэр дундаа эдийн засгийн талаар хамтран ажиллах маш тодорхой зүйлүүдийг оруулсан. 25 жилээр байгуулсан 66 хувийн хөнгөлөлт үзүүлэх транзит тээврийн тухай гэрээгээ хүртэл үүнд оруулсан. 25 жилийн дараа бид иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнийхээ хүрээнд дахин сунгаж өгөөч гэж хүсэх боломжийг эндээ анхнаас нь тусгаж өгч байгаа юм. Энэ айлчлалын үр дүнд стратегийн түншлэл байгуулсан таван улсаас хоёр хөршийнх маань хугацаагүй, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнүүд болсон. Гуравдагч хөрш болох АНУ, Энэтхэг, Японтой стратегийн түншлэлийн гэрээтэй байна. Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа аваад стратегийн түншлэлтэй улсуудаараа айлчлал хийх зорилт тавьсан. Одоо есдүгээр сарын 19-24-нд Энэтхэг улсад, аравдугаар сарын 20-доор Япон улсад айлчилна. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулгын гадаад бодлогын зорилтууд эхнээсээ биелж байна.

ОХУ-тай байгуулсан иж бүрэн стратегийн түншлэл бүхий л харилцааны суурь болж байгаа юм. Одоо энэ харилцаан дээр эдийн засгийн болон бусад салбарууд дээрээ хамтран ажиллах боломжтой. Харилцааныхаа суурийг итгэлцлийн дээд хэмжээнд хүргэсэн нь хамгийн чухал алхам боллоо. Энэ гэрээ бол саяын айлчлалаар хийгдсэн 10 гэрээний хамгийн чухал нь.

-Бид ОХУ-ын тал зөвшөөрөхөөс өөр аргагүй үндэслэлтэй бодлого төлөвлөгөө гаргаж байж л санаснаа ажил хэрэг болгох юм биш үү. Жишээ нь, татварын асуудлаар ч юм уу?

-Монгол Улс “Евразийн эдийн засгийн холбоо”-той чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар зөвхөн Оросын төдийгүй Евразийн холбооны бүх улсуудын зах зээл нээгдэж байгаа. Татварыг зөвхөн Оросын хэмжээнд биш, нийт “Евразийн эдийн засгийн холбоо”-ны улсуудын хооронд бууруулахаар хэлэлцээ хийх нь зүйтэй гэж ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин хэлсэн, дэмжинэ гэдэгээ илэрхийлсэн. Энэ асуудлыг Засгийн газар хөөцөлдөөд ажил хэрэг болговол манай бараа татваргүй орно гэсэн үг.

-Айлчлалын үеэр 100 тэрбум рублийн зээл хүссэн. Энэ зээл зөвхөн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажилд зарцуулагдах уу?

-УБТЗ компанийн шинэчлэлийн төсөл, мөн ТЭЦ-III-ын шинэчлэлд зориулж энэ зээлийг авахаар ярилцсан. Зүүнбаян-Ханги чиглэлийн 200 гаруй км төмөр зам барих ажлыг УБТЗ-д өгсөн тул тэр ажилдаа бас зарцуулна. УБТЗ авах зээл дээр Засгийн газрын баталгаа гаргахгүй, ТЭЦ-III дээр гаргаж магадгүй. УБТЗ-ыг бид зах зээлийнх нь горимд шилжүүлж, зээл аваад төлж чадах хэмжээний компани болгох зорилт тавьж байгаа. Дээрээс нь Зүүнбаянд ирж байгаа Таван толгойн төмөр замтай холбоод, Зүүнбаянгаас Ханги мандалаар гарах хоёр дахь гарцаа гаргахгүй бол Замын-Үүд боомт улам өсөн нэмэгдэж байгаа транзит болон экспортын ачааг тээвэрлэж чадахгүй байгаа. Мөн Таван толгойгоос Зүүнбаянд ирсэн нүүрс мөн Ханги боомтоор урагшаа гарч, Хятад улсын төмөр замтай холбогдох юм. Гашуунсухайтаар гарч байгаа нь Шинхуа компанийн хувийн төмөр замтай холбогддог. Тэнд дааж давшгүй тариф тогтоогоод байгаа учраас бид Хятад улсын төмөр замтай Монгол Улсын төмөр замыг холбох зорилго тавьж байгаа. Таван толгойгоос Зүүнбаян хүрэх төмөр замыг шинээр тавих ажил эхэлсэн байгаа. Энэ төмөр зам цааш хоёр сална. 100 тэрбум рублиэр Зүүнбаян-Ханги мандалын төмөр замыг барихаас гадна гол магистраль шугам Сүхбаатар-Замын Үүдийн 1100 км төмөр замыг нэн яаралтай шинэчилж замын аюулгүй байдлаа хангах болон нэвтрэх чадвараа нэмэгдүүлнэ. Таван толгойн нүүрс Сайншандад ирсний дараа Замын-Үүдээр урагшаа, Сүхбаатар өртөөгөөр хойшоо чиглэлээр нүүрс экспортлох боломж бүрдэнэ. Мөн Ханги боомтоор Хятадын төмөр замтай холбогдоно. Сайншандаас Чойбалсан хүрэх төмөр замаас салаалж Бичигтийн боомтоор холбогдоно. Дэлхийн гангын 50 хувийг үйлдвэрлэж байгаа Хятад улстай олон холболтоор холбогдсоноор Гашуунсухайтын монополийг устгаж нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээр зардаг болно. Харин хойд хилээрээ гарсны дараа баруун тийшээ Хар далайн боомт, зүүн тийшээ Номхон далайн боомт Владивостоктой холбогдоно гэсэн үг.

-Эдгээр боломжуудаа ашигласнаар Монголд унацтай байх нь ойлгомжтой байх?

-Зургаан тэрбум тонн нүүрсийг аль болох олон чиглэлээр гаргаж байж төдий чинээ том зах зээл нээгдэнэ. Олон худалдан авагчтай болсноор дэлхийн зах зээлийн үнээр зарна. Одоогийн 10 сая тонн жижигт тооцогдох болно. Өнөөдөр зөвхөн Гашуунсухайтаар гаргах гэсэн “MCS”-ийн амиа бодсон бодлоос болоод бусад гарцууд ажиллахгүй байна. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Д.Хаянхярваа нар Зүүнбаян-Таван толгойн төмөр замыг бариулахгүй гэж яасан их эсэргүүцэв. Гэхдээ тэр эсэргүүцлээс үл хамаараад төмөр зам баригддагаараа л баригдана.

-Владивостокт болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “Эрдэнэс-Таван толгой” ХК, “Фэско” групп хамтарсан нүүрсний терминал байгуулах ТЭЗҮ-ээ Ерөнхийлөгчид танилцуулсан байсан. Тэр талаар тодруулаач?

-Сая боомтоо сонгоод, ТЭЗҮ хийгээд дууссанаа Ерөнхийлөгчид гардуулсан. “Эрдэнэс-Таван толгой” ХК, “Фэско” групп хамтраад хийсэн ажлаа Ерөнхийлөгчид танилцуулсан. Төсөл хэрэгжсэнээр Монголын нүүрс төдийгүй контейнер гурав дахь зах зээлд гарах боломж бүрдэнэ. Ер нь Ерөнхийлөгчийн жил бүрийн Владивостокын айлчлал үр дүнтэй байна. Эхний жилээ 66 хувийн хөнгөлөлттэй тарифыг шийдүүлж авч, дараа жил нь гэрээ байгуулагдаж баталгаажсан. Ингэснээр манай ачаа Орос болон Хятадын нутгаар дамжиж далайд хүрэх тариф ив ижилхэн болж байгаа юм.

-Хэдийгээр үйл ажиллагаагаа явуулж эхлэх бол?

-2022 онд ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Жилд дунджаар зургаан сая тонн нүүрс нэвтрүүлэх боломжтой. Харин 2024 он гэхэд боомтоор нэвтрэх нүүрсийг жилдээ 10 сая тоннд хүргэж хүчин чадлыг нэмэгдүүлэхээр тусгасан. Япон улсын нүүрс худалдан авах компаниуд гэрээ байгуулах юм бол бид хойд чиглэлийн экспортоо эхэлнэ. Гэхдээ Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад орсны маргаашнаас эхлээд.

-Чуулганы үеэр Японы ерөнхий сайд Абэ Шинзотой уулзсан. Уулзалтаар нааштай үр дүнд хүрсэн гэж ойлгосон.

-Ерөнхийлөгч Х.Баттулга Японы ерөнхий сайд Абэ Шинзотой уулзахдаа “Зүүнбаянгийн төмөр замд зээл авъя гэсэн бүтээгүй, гэхдээ бид Таван толгойн цэвэр ашгаараа 414.6 км төмөр замын ажлаа дуусгана. Харин “Эрдэнэс-Таван толгой” ХК, ОХУ-ын “Фэско” групптэй хамтран нүүрсний терминал байгуулах эдийн засагт үр ашигтай төслүүд ажил хэрэг болж эхлээд байна. Иймд худалдан авагч тал буюу Япон улстай нүүрсний экспортын асуудлаар томоохон яриа хэлэлцээр хийх сонирхолтой байна” гэдэг ажил хэрэгч санал тавьсан. Бид зээл тусламж гуйгаагүй, зах зээлийн үнээр наймаа хийе гэдэг л санал тавьсан хэрэг. Японы талд ч гэсэн Таван толгойн коксжих нүүрс хэрэгтэй учир нааштайгаар хүлээж авсан. Японы ерөнхий сайд энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн биечлэн өгсөн төслүүдтэй сайтар танилцаж, Таван толгойн асуудлыг цаашид ажил хэрэг болгох сонирхолтой гэдгээ хэлж байсан. Алс хэтдээ Таван толгойн нүүрс гуравдагч зах зээлд хүрэх, ажил хэрэг болох боломж нэг алхмаар урагшилж байна гэсэн үг.

Ер нь Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн нүүрсний борлуулагч шиг л ажиллаж байна. “Ямар их нүүрс ярьдаг юм” гэж хэлүүлтлээ л Монголын ард түмний баялгийг үнэд хүргэхийн төлөө ажиллаж байгаа. Хэрэв бид Цаофэйдянь боомтоор 30 сая тонн, Владивостокоор 10 сая тонн нүүрс гаргадаг болчихвол хэдэн арван жил баталгаатай ажиллаж чадна. Зургаан тэрбум тонноо 40 сая тоннд хуваагаад үзэхэд ойролцоогоор бид 150-иад жил үргэлжлэх бизнесийн тухай ярьж байгаа юм шүү дээ. Эрдэнэс Таван толгой компанид Засгийн газрын төдийгүй бүх монголчуудын хувьцаа байгаа.

-Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах тухай яригддаг. Энэ удаагийн чуулга уулзалтын үеэр ч манай улсын төрийн тэргүүн хөндөж ярьжээ. Ажил хэрэг болох боломж хэр байна вэ?

-Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний талаар 2018 оноос хойш ярьж байгаа. ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн чуулган нь эдийн засаг, дэд бүтэц хамтын ажиллагааны талбар юм. ОХУ-ын хувьд Алс Дорнодоо хөгжүүлэх бодлого, бусад улсуудын хувьд Алс Дорнодын хөгжилд нь оролцох бололцоо юм. Манай улсын хувьд нүүрснийхээ экспортыг хэдэн сая тонноор нь Владивостокийн ойролцоох боомтууд руу шилжүүлэх гэж байна. Энэ мэтчилэн тодорхой зорилгуудтай. Энэ бол явж байгаа ажил. Зүүн хойд Азийн улсууд хоорондоо худалдаа наймаагаа чөлөөтэй хийе гэж байгаа. Цахилгааныхаа эрчим хүчний системээр холбогдчихвол яасан юм бэ гэж ч ярьж байна. Манайхаас “Монголын эрчим хүчний нүүрсийг тээвэрлээд БНСУ, Японд аваачин цахилгаан үйлдвэрлэхээр замын зардал нь үнэтэй. Түүний оронд нүүрсээ газар дээр нь цахилгаан болгож хувиргаад, түүнийгээ тогтмол гүйдлийн бараг алдагдалгүй цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамаар явуулбал хямд байх нь. Та бүхэн дэлхий даяар нүүрс худалдаж аваад цахилгаан үйлдвэрлээд 1 квт цагийг нь 25 ам.центээр зарж байна. Монголд зургаан центээр үйлдвэрлээд, дамжуулахтайгаа нийлээд найман центээр танай улсын хил рүү оруулж чадна. Энэ нь аль ч талдаа ашигтай” гэдэг саналыг анх тавьсан юм. Зүүн хойд Азийн ОХУ, Монгол, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон гэсэн зургаан улс бий. Эдгээрээс БНСУ, Япон хоёрт 1 квт цаг цахилгаан 25 цент байна. БНАСАУ-ын хувьд цахилгааны маш их дутагдалтай. Харин нөгөө гурван улс нь цахилгаан эрчим хүч экспортлох бүрэн боломжтой. Жишээ нь, Монголд хүрэн нүүрс, нар, салхи, уран бий. ОХУ-д нүүрс, нефть, газ, усан цахилгаан станц байна. БНХАУ гэхэд бүх төрлийн нөөцтэйгөөс гадна маш их нүүрсний болон нар салхины станц барьчихсан. Цахилгаан эрчим хүч импортолдог байсан бол одоо экспортолдог болчихлоо.

-Гурван улс нь цахилгаан эрчим хүчээр хангаад үлдсэн гурав нь хэрэглээд байх боломжтой гэж харж байгаа байх нь.

-Энэ бизнес эхэлчих юм бол хэдэн зуун жилийн турш үргэлжилнэ. Зүүн хойд Азид дэлхийн хамгийн их цахилгаан хэрэглэдэг долоон улсын дөрөв нь байрладаг. Улс болгон өөрсдийнхөө цахилгаан эрчим хүчний зах зээлийн тодорхой хэсгийг нээж өгөх юм шүү дээ. Жишээ нь, Япон улс цахилгаан эрчим хүчнийхээ 10 хувийг ч юм уу ОХУ, Монгол, БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаанаар хангах боломжтой. Боломжтой гэсний учир нь Япон улс 3000 км радиус дотор байгаа юм. Өнөөдөр Хятадын “Стэйт грид” гэх дэлхийн хамгийн том цахилгаан сүлжээний компани 3000 км-т 3.5 хувийн алдагдалтай дамжуулдаг тогтмол гүйдлийн өндөр хүчдэлийн шугамын технологийг ажиллуулчихсан. Одоо 11 дэх шугамаа барьж байна. Энэ нь Монголд тог үйлдвэрлээд Япон луу хүргэх боломжийг олгоно. БНСУ мөн ялгаагүй. Хойд Солонгос өөрөө заавал станц барихгүйгээр ОХУ, Монгол, БНХАУ-ын тог дээр ажиллаж болно. Ингэж хамтарвал энэ зургаан улс хоорондоо итгэлцлийн өндөр түвшинд хүрч эдийн засгаа холбоно гэсэн үг. Нийлүүлэгч улсууд нь худалдан авагч улсуудынхаа тогийг хэзээ ч таслахгүй байх гэдэг итгэл найдвартай байх ёстой. Тиймдээ ч итгэлийн сүлжээ болж байгаа юм. Энэ зургаан улсынхаа цахилгаан эрчим хүчний системийг холбож тодорхой хэсгийг нь нэг удирдлагатай болгоё гэдэг санааг Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны Владивостокийн Алс дорнодын эдийн засгийн форумаас ярьж эхэлсэн. 2019 онд бид үүнийхээ биелэлтийг ярилаа. Зургадугаар сард Улаанбаатарын яриа хэлэлцээрээр зургаан улсын тавынх нь төлөөллүүдтэй тохиролцон есдүгээр сарын 4-нд болох Владивостокийн энэхүү чуулганаар Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байсан юм. Гэтэл Улаанбаатарын яриа хэлэлцээрээс хойш Япон, Өмнөд Солонгос хоорондын харилцаа муудсантай холбоотойгоор санамж бичигт гарын үсэг зурахаа больчихлоо. Ямартаа ч ОХУ, Монгол, БНХАУ гурав санал нэгдсэн. Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үеэр ОХУ-ын цахилгаан сүлжээний “Россети” болон манай “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурсан. “Эрдэнэс Монгол” Монголын талаа төлөөлөөд энэ том сүлжээнд оролцох болно. Тус компанид хүрэн нүүрсний уурхай хязгааргүй их нөөц байгаа. Манай хүрэн нүүрсний нөөц 150 тэрбум тонн юм билээ. Гэтэл ТЭЦ-IV жилдээ гурван сая тонн нүүрс л хэрэглэж байна. Тэгэхээр энэ бүх нүүрс, нар, салхийг тог болгоод экспортлох юм бол вагоноор ямар нэгэн уул уурхайн бүтээгдэхүүн зөөхгүй, ажлын байр нь Монголд үлдэнэ. Вагоноор зөөхөөр өрсөлдөх чадваргүй болоод байна. Коксжих нүүрс шиг үнэтэй барааг л вагоноор зөөж болох юм. Дээр нь Монголын нар салхины нөөц 1.2 тераватт.

-ОХУ-ын зүгээс жижиг оврын атомын цахилгаан станц барих санал хэлдэг. Энэ талаарх яриа хөндөгдсөн үү?

-ОХУ өөрөө тэрийг туршиж байгаа. Хамгийн анхны хөвдөг атомын цахилгаан станц сая ашиглалтад орж байна лээ. Бид ураныхаа нөөцийг ашиглаж, атомын цахилгаан станцтай орнуудыг түлшээр хангах тухай одооноос бодох хэрэгтэй. Какахстаны бэлэн жишээ байна. Шар нунтагаа Росатомд өгөөд түлш болгож хувиргаад дэлхий даяаар экспортолж байгаа.

-Хийн хоолойг Монголоор дамжин өнгөрүүлэхийг ОХУ дэмжсэн. БНХАУ-ын байр суурь хэрхэхээр байна вэ?

-БНХАУ-ын тал худалдаж авах үнэ дээрээ хэлэлцээр хийх байх. Нэг холбочих юм бол 50 жил тасралтгүй явна шүү дээ. Тэгэхээр Оросын зардаг, Хятадын худалдан авдаг компани үнээ тохирч байж энэ бизнес эхэлнэ. Техникийн хувьд боломжтой, Монголын нутгаар явахад саадгүй. Голцуу талаар явчих нь.

-Эгийн голын цахилгаан станц барих асуудлын тухай яригдсан уу. Ажил хэрэг болох боломж бий юү?

-Одоогоор Байгал нуурт үзүүлэх сөрөг нөлөөг судлах судалгааны ажил явж байгаа. Тэр дуусах хүртэл ямар нэгэн зүйл ярихгүй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн гаргасан төсөл, саналаас 20 хувь нь л орж байна гэж та мэдээлсэн. хоёрдугаар хэлэлцүүлгийн төгсгөлд ямархуу дүр зурагтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт залуучуудын ярьдгаар” будаа болсон”. Анх Ерөнхийлөгч 64 гишүүнтэй МАН реформын чанартай өөрчлөлт хийчих юм байна гэж итгэж байсан. Харин одоо үндсэн саналууд хэлэлцүүлгийн явцад унаад реформын шинжтэй өөрчлөлт биш боллоо.

-Тэгэхээр яана гэсэн үг вэ?

-Ардчилсан намын шаардлагаар МАН Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийг ард түмнээсээ асуух гэж байгаад Ерөнхийлөгч баяр хүргэсэн. Гэхдээ зөвхөн одоогийн оруулсан өөрчлөлтөө асууж болохгүй. Энэ өөрчлөлт нь иргэдийн хүсэн хүлээсэн өөрчлөлт биш учраас Үндсэн хуулийн 3.1-т “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан тул төр засаг нь ямаршуу хэлбэртэй байхаа ард түмнээсээ асуу гэж байгаа юм. Ерөнхийлөгчийн, эсвэл парламентын засаглалтай байх эсэхийг асуу гэсэн үг. Одоо энэ Их хурал Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан болоод тараад 2019 ондоо багтааж сонгуулиа хийг. Энэ болох сонгуулиар дараагийн УИХ-ын гишүүдийг сонгохоос гадна ард нийтийн санал асуулгыг цуг явуулна. АНСА-аар иргэд Ерөнхийлөгчийн, эсвэл парламентын засаглалын аль нэгийг сонгоно. Дараагийн УИХ-ыг ард түмний сонгосон системийн дагуу шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж ард түмнээрээ хэлэлцүүлж батлуулаад тар гэдэг ийм нөхцөлтэйгөөр сонгуулиа хийвэл яасан юм бэ гэдэг санал гаргана. Ямар засаглалтай байхыгаа ард түмэн сонгог. Монголын ард түмэн Ерөнхийлөгчийн засаглалыг сонговол АНУ-ын Үндсэн хуулийг үндэс болгож болно. Хэрэв парламентын засаглалыг сонговол Германы Үндсэн хуулийг хуулж болно. 1992 онд баахан улсын баахан Үндсэн хуулиас энэ ч зүгээр, тэр ч зүгээр гэх мэтээр гибрид хууль хийгээд үр дүн нь өнөөдрийнх.

-Гэхдээ манай хөрсөнд буух уу?

-Мэдээж ямар ч систем сонгосон Монголынхоо хөрсөнд буулгана. Энэ хоёр улсын Үндсэн хуулийг суурь болгож аваад Монголынхоо нөхцөлд тааруулаад л хэрэглэх хэрэгтэй. Учир нь эцсийн үгийг ард түмэн хэлэх ёстой. УИХ-ын гишүүд ард түмэн парламентын засаглалтай болъё гэж байна гэж хэлээд байна. Гэтэл нэг хэсэг хүмүүс нь Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гээд байна шүү дээ. Бүтэлгүй 76 гишүүнтэй төрд хариуцлага хүлээдэг хүнгүй болсон, 30 жил болоход олигтой ажил төрөлтэй болж чадахгүй байна. Энэний оронд эрх мэдэл нь тэнцвэртэй хуваарилагдсан хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалтай, бие биенээ чөдөрлөдөг биш, хөгжил дэвшилд хүргэдэг шийдвэрийг гаргаад хэрэгжүүлж чаддаг, чадахгүй бол зайгаа тавьж өгдөг тийм л төртэй болох хүсэл нийт монголчуудад байна.

-Дарангуйлал руу орно гэж шүүмжилдэг шүү дээ.

-АНУ дарангуйлалтай улс юм уу. Трамп дарангуйлагч юм уу. Тэнд маш сайн зохицуулалтууд байна. Тэр шүүмжлэгч нар бол энэ замбараагүй парламентыг үргэлжлүүлэх гэсэн л хүний үг. 30 жилийн турш, монголчууд парламентыг сонгосон гэж ард түмний нэрийн өмнөөс шийдсээр ирлээ. УИХ гишүүдийн олонх нь ЖДҮ зээл авчихаад хариуцлага хүлээдэггүй ийм л системтэй болсон. Үндсэн хуулийн 3.1-д бичсэн “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд” байдаг юм бол ямар засаглалтай байхаа эхлээд асуучих.

-Путиныг ирэх үеэр түүнийг цахим ертөнцөөр мууллаа гэж зарим иргэдийг шалгаж, тЕг-аас гэрт нь очсон гэх юм. Етг-аас иймэрхүү мэдээлэл өгсөн үү?

-Тэр бол цагдаа, тагнуулын хийх ёстой ажил. Гэхдээ тийм биш байх. Ярьж байгаа хүмүүс нь элий, балай улсууд байгаа. Тэр Элийрэгч гээд нөхөр Ерөнхийлөгчийг хүн амины хэрэг захиалсан гэж гүтгэсэн, тэр үйлдлийнхээ төлөө зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгөөр торгуулсан. Тэр өргөдлийг бол ЕТГ-аас өгсөн.

-Өөр өргөдөл, гомдол өгөөгүй гэсэн үг үү?

-Өгөөгүй. Үндсэн хуулийн 36 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан байдаг. Би үүнийг л биелүүлж байгаа. ЕТГ хууль биелүүлэх үүрэгтэй. Сайндаа биш, энэ хүнийг дөрвөн жилдээ Монгол Улсаа төлөөл гэж ард түмний олонх нь сонгочихоод маргаашнаас нь муулаад байж болохгүй. Болохгүй учир нь дээрх заалтаас эхэлдэг, үүнийг хамгаалдаг бүхэл бүтэн системтэй. Ерөнхийлөгчөө алуурчин гээд өдөр болгон бичээд байвал хариуцлага тооцож л таарна. Зам, тээврийн яаман дээр болсон хүн амины хэргийг л Ерөнхийлөгчтэй холбоод байгаа юм. Холбох ямар ч утга учир байхгүй. Сайд байхад нь тэр хүн ажиллаж л байсан байгаа юм. Хэдэн зуун хүнээс хэнийг нь тэр гэхэв. Хэрэв дахин ийм зүйл болбол дахиад л торгуулна. Олон удаа давтагдаад байвал эрүү үүснэ, ял авна. Бид хууль биелүүлдэг нийгэмд амьдарч байгаа. Дэлхийн бүх улс л ийм.

-гэхдээ трамп өөрийг нь мууллаа гэж гомдол мэдүүлдэггүй юм биш үү?

-Трамп хүн алсан гээд биччихвэл тэрийгээ нотол, чадахгүй бол шүүхэд өгөөд хариуцлага тооцдог шүү дээ. Трамп, Х.Баттулга муу хүн гэж хэлж, бичиж болно. Тэгж бичихэд бид огт эмзэглэхгүй. Энэ бол шүүмжлэл. Бас Өнөрчимэг гээд өвчтэй хүн бий. Надад гавьяат өгсөнгүй гээд л муулаад байгаа. Харин тэр хүн муулах нь хэрээс хэтэрч гэмт хэрэгт гүтгээд эхэлбэл хуулийн хариуцлага хүлээнэ. Энэ ялгаа заагийг бүгдээрээ мэдэх ёстой. Үг хэлэх эрх чөлөө гэдэг юу дуртайгаа ярих эрх чөлөө биш. Нэр төрийг нь Үндсэн хуулиар хамгаалсан цорын ганц төрийн албан хаагч бол Ерөнхийлөгч. Ингэлээ гээд бусад хүмүүсийг доромжлоод байж болохгүй л дээ. Бусад иргэдийнх ч гэсэн хуулиар хамгаалагдсан. Гүтгэж болохгүй.

-Владивостокт болсон чуулганы үеэр ану-ын ерөнхийлөгч д.трампын оху-ын ерөнхийлөгч В.В.Путин руу ярьсан эсэх тухай яриа өрнөсөн гэх мэдээллүүд гарч байна л даа. энэ талаар сонирхуулаач?

-“Россия” сувгийн сэтгүүлч , хөтлөгч Сергей Брилев “Миний дараагийн асуултад нэг их битгий гайхаарай. Нэг зүйл сонирхол татаад байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс асуух гэсэн юм. Ерөнхийлөгч Х.Баттулга Вашингтонд байсан өдөр АНУ-ын ерөнхийлөгч Трамп, ерөнхийлөгч Путин нар утсаар ярьсан байх юм. Та ямар нэг зүйл хийсэн юм уу. Та Трамп ерөнхийлөгчийг Путин ерөнхийлөгч рүү утсаар яриулсан уу. Энэ талаараа бидэнтэй хуваалцаж болох уу” гэсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга “Том гүрнүүд хоорондоо ойлголцдоггүй асуудал гэж байдаг юм шиг байна. Гэхдээ “Сибирьт гурван сая га газар ойн түймэрт автсан. Хүнээр зүйрлэвэл Сибирь дэлхийн уушги юм. Та ОХУ-ын ерөнхийлөгч рүү утасдаад хүмүүнлэгийн талаасаа санаа зовж байгаагаа илэрхийлж болдоггүй юм уу” гэсэн. Ийм л зүйл болсон юм. Тэр үед ерөнхийлөгч Путин “Тэгж ярьсан. Намайг урьд нь хаана ажиллаж байсныг мэднэ биз дээ” гэж хошигносон юм. Энэ тухай Оросын хэвлэлүүдээр маш их гарч байна лээ. Мөн сэтгүүлч, хөтлөгч Сергей Брилев Ерөнхийлөгч Х.Баттулгыг индэрт урихдаа трибуна дараа нь подиумд урьж байна гэж хэлсэн л дээ. Хоёр утгатай үг. Тэрээр энэ тухайгаа “Хурлын индэр гэж хэлэх ёстой байтал андуураад дэвжээ гээд хэлчихлээ” гэхэд Путин “Тэгэлгүй яахав. Энэ хүн чинь самбо бөхийн дэлхийн аварга, биеийг нь хар л даа, индэр дээр ч дэвжээн дээр ч алзахгүй” гэдгийг хэлж байсан. Энэ мэт зүйлүүд хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцаа ойр дотно байгааг илтгэж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Д.Ганболд: Би эмчид яаралтай үзүүлэхээр цаг авсан учир нэг өдөр байхгүй байсан

УИХ-ын ээлжит бус чуулганы өнгөрсөн баасан гаригийн үдээс өмнөх хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэд хэдэн гишүүдийг нэр цохон шүүмжилсэн билээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Ганцхан удаа сонгогдчихоод Ерөнхий сайд болчихдог, бараг сонгогдоогүй байж сайд болчихдог атлаа улс орны амин чухал асуудал болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэлэлцэж байхад яагаад ирдэггүй юм бэ. Ж.Эрдэнэбат нэг удаа сонгогдоод Ерөнхий сайд болсон. Хоёр Н.Номтойбаяр ганц удаа сонгогдоод сайд болсон. Энэ О.Содбилэг хааччихсан юм. Аав, ээж нь, өөрөө УИХ-ын гишүүн болсон. Монголын төр, МАН хоёр энэ гэр бүлд чадах чинээгээрээ тусалж, дэмжиж явсан. Энэ залуучууд албан тушаал болохоор би гээд давхидаг. Ард түмний эрх ашгийн асуудал ярихад яагаад алга болчихдог юм бэ. Зарим нь бүтэн гурван жил унтлаа, болоо юм биш үү. Д.Ганболд гишүүн Үндсэн хууль хэлэлцэнэ гэж мэдсээр байж гадагшаа явсан гэнэ. Энэ этгээдүүдээс ичиж байна. Хүмний өмнөөс ичих шиг адгийн юм байдаггүй юм байна. МАН-ын парламент ийм сахилга батгүй байсныг өнгөрсөн 30 жилийн хугацаанд үзээгүй” гэсэн юм.

Үүнтэй холбоотойгоор ямар шалтгааны улмаас чуулганы хуралдаандаа суулгүйгээр гадагшаа явсан талаар нь УИХ-ын гишүүн Д.Ганболдоос тодрууллаа.


-Таныг Үндсэн хууль хэлэлцэж байгааг мэдсээр байж гадагшаа явчихлаа гэж шүүмжилсэн. Та ямар шалтгааны улмаас чуулганы хуралдаандаа суулгүйгээр гадагшаа явсан юм бэ?

-Хэнд ч, ямар ч хүнд зовлон, жаргал тохиолдож болно шүү дээ. Ямар нэгэн шалтгаан байсан учраас л ном журмын дагуу чөлөө аваад явсан, ирсэн.

-Та одоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж, санал хураалтуудад идэвхтэй оролцож байгаа юу?

-Тэгэлгүй яахав. Ер нь хэлэлцэнэ, хэлэлцэхгүй гэх асуудал энэ зунжингаа л үргэлжилсэн биз дээ.

Би эмчид яаралтай үзүүлэхээр цаг авчихсан байсан юм. Товлосон цаг хугацаандаа үзүүлэхээр л гадагшаа явсан хэрэг. Нэг өдөр явчихаад л хүрээд ирсэн юм.

-Таны хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ямар зохицуулалтыг илүүтэй дэмжиж байгаа вэ?

-Нэн тэргүүнд төрийн тогтолцооны асуудал. Мерит буюу чадавхаар нь сонгож төрд ажиллуулдаг зарчим ус, агаар мэт хэрэгтэй байна. Улсын үндэс төр. Төрөө ард түмэн эмхлэн зохион байгуулдаг.

Харин ард түмнийхээ өмнөөс төрийн тогтолцоо нь ард түмэндээ үйлчлэх ёстой. Гэтэл тэр нь өнөөдөр ганхчихсан. Ямар ч улс төрч гарч ирсэн бай ах, дүү амраг садангаа албан тушаалд тавьчихдаг. Энэ байж боломгүй зүйл. Үүнийг зохицуулах заалтыг Үндсэн хуульдаа онцгойлон зааж өгч байж бид улс шиг улс, төр шиг төр байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Эрдэнэчулуун: ОХУ-тай тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ажил хэрэг болгохын тулд хөтөлбөр гаргах нь зөв


Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуунтай ярилцлаа.


-ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчиллаа.Таны хувьд айлчлалын үр дүнг хэрхэн харж байгаа вэ?

-Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоноос хойш ОХУ-тай харилцах харилцаа мэдэгдэхүйц нааштай өөрчлөгдсөн байна.

Хоёр Ерөнхийлөгч хувийн сайн харилцаатай болсон байна лээ. Энэ бол маш чухал. Ер нь төр, засгийн тэргүүнүүд хувийн сайн харилцаатай байх явдал улсын ажлыг урагшлуулахад ихээхэн дөхөмтэй байдаг. Нэг өдрийн айлчлал хэн нэгэнд чамлалттай харагдаж магадгүй. Гэхдээ гол нь үр дүнг нь харах хэрэгтэй болов уу.

Иж бүрэн стратегийн түншлэлийг өнөөгийн нөхцөлд хамгийн дээд түвшин гэж харах нь зүйтэй байх. Ийм учраас энэ айлчлалын үр дүнг өндрөөр үнэлэхээс өөрцгүй.

Намайг 2000 онд Гадаад харилцааны яамандаа буцаж ирэхэд ОХУ-тай харилцах харилцаа уналтын байдалтай байсан. Тэр үеийн Засгийн газар юун түрүүнд ОХУ-тай харилцаагаа өндөр түвшинд хүргэх зорилго тавиад ажилласан.

Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараахан Н.Багабанди Ерөнхийлөгчийн урилгаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин албан ёсны айлчлал хийсэн. Манай улсад умард хөршийн төрийн тэргүүн хамгийн сүүлд 1974 онд айлчилж байлаа. Өөрөөр хэлбэл, 26 жилийн дараа болсон энэ айлчлал шинэ цагийн дээд хэмжээний анхны айлчлал байсан юм.

Тэрхүү айлчлалаар хоёр Ерөнхийлөгч “Улаанбаатарын Тунхаглал” нэртэй баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ Тунхаглалд харилцааны гол асуудлуудыг хөндөж тэдгээрийг шийдвэрлэх зарчим, арга замыг тодорхойлж өгсөн юм.

Айлчлалын дараа болсон олон удаагийн яриа хэлэлцээний дүнд монголчуудын хувьд нэн чухал гэгдэж байсан их өрийн асуудал нааштайгаар шийдвэрлэгдсэнийг бид мэднэ.

Оросын тал өрийн 98 хувийг тэглэснээр нэг хүнд ногдох өрөөр бараг нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан Монгол Улс нэг хормын дотор өргүй болж байсан юм шүү дээ. Манай тал 250 сая ам.доллар төлөөд энэ асуудал хаагдаж байлаа.

Ийм сайхан үр дүнд хүрчихээд харилцаагаа улам сайжруулаад явахын оронд манайхан хаячихсан гэж хэлж болно. Сүүлийн 30-аад жилийн динамикийг харахад хоёр орны харилцаа савласан байдалтай явж ирсэн гэлтэй. Байдал ийм байхад харилцааны тогтвортой хөгжлийн тухай яриад байх боломжгүй юм.

Иймд нэгэнт сайн эхлэл тавигдаж байгаа учир энэ үйл явцыг сааруулчихгүйгээр төрийн өндөрлөгүүд хамтраад идэвхтэй ажиллах нь хамгийн чухал зорилт болж байна. Хэд хэдэн чухал ажил хийгдлээ шүү дээ.

-Тухайлбал?

-Саяхан л гэхэд ОХУ-ын нутаг дэвсгэрээр транзит тээврийн асуудлаар хэлэлцээр байгуулчихлаа. 25 жилийн хугацаанд 66 хувь хүртэл хөнгөлөлт үзүүлэхээр тохирчихлоо. Жишээ нь, нүүрсний тээвэрт 66.4 хувь, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлтийг манай тал эдлэхээр боллоо.

Дээрээс нь ерөнхийлөгч В.Путин манайд зориулж Владивостокт боомт гаргаж егье гэсэн шүү дээ. Манайх шиг түгжигдмэл улсад аль болох олон гарцтай байх нь чухал биш үү. Энэ яриа гарах үеэр манай зарим хүмүүс Владивосток их хол, манайд ашиггүй, зөвхөн урагшаа л гарцтай байх нь зүйтэй гэх юм ярьсан нь сонсогдож байсан.

Тэр үед өгсөн нэг ярилцлагадаа би “Урагшаа гарц хаагдвал бид яах билээ” гэх асуулт тавьж байсан. Ийм байдал үүсэхгүй гэх газаргүй шүү дээ. Тулга тойрсон юм дандаа ярина ч гэж байж болохгүй байх аа.

-ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиний айлчлалын үр дүнд хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлтэй боллоо. Одоо бид яах ёстой вэ?

-Юуны өмнө иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл баримтлалаа хэрэгжүүлэх, ажил хэрэг болгохын тулд баримт бичиг, хөтөлбөр батлан ажиллах хэрэгтэй. Жил жилээр хэрэгжилтийн явцыг дүгнэж, хийх ажлаа тодотгож байвал үр дүн гарах нь дамжиггүй.

Энэ жил хоёр орны хувьд онцгой жил тохиож байна. Халхын голын ялалтын 80 жилийн ойг энэ цаг үед тэмдэглэж байна. Энэ бол хоёр орны хамтын баяр. Энэ дайнд ЗХУ манай орны эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалахад шийдвэрлэх үүрэгтэй оролцсоныг онцлон тэмдэглэх хэрэгтэй.

ЗХУ-ын олон хөвгүүд амиа өгсөн томоохон дайн болсон юм шүү дээ. Тэр үеийн тухай АНУ-ын хэвлэлд бичсэн зүйлсийг манай яамныхан орчуулж байсныг санаж байна.

Тэдгээр мэдээ дотор Халхын голын дайныг хилийн будилаан гэх утгаар бичсэн байсан. Энэ тухай Ю.Цэдэнбал дарга нэг уулзалт дээр ярьж байхыг би сонссон юм. Энэ дайны ач холбогдлыг бууруулахыг оролдох нь түүхийг гуйвуулж байгаа гэсэн үг. Хэрэв ЗХУ орж ирээгүй бол бид улс орноо алдах байсан шүү дээ.

-Мөн айлчлалын дүнд цөөнгүй баримт бичигт гарын үсэг зурлаа. Тэдгээрийн ач холбогдлыг та юу гэж харж байна вэ?

-Энэ айлчлалын үеэр 10 баримт бичигт гарын үсэг зурлаа. Мэдээж улс төрийн ач холбогдлоороо хоёр Ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ” хамгийн эхэнд орох нь дамжиггүй. Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү гэрээг түүхэн ач холбогдолтой гэж хэвлэлийн хурал дээр дүгнэж хэллээ.

Уг баримт бичгийн бас нэг онцлог бол иж бүрэн стратегийн түншлэлээ хоёр улс гэрээгээр баталгаажуулаад, түүнийг хугацаагүйгээр байгууллаа. Бусад оронтой тогтоосон стратегийн түншлэлийн баримт бичгүүдийг гэрээгээр баталгаажуулж байгаагүй юм.

Үүнээс гадна байгуулсан хэлэлцээрүүд дотроос терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай болон бүс нутгийн хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай, мөн цэрэг техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийг онцолж хэлэхийг хүсэж байна. Хоёр Ерөнхийлөгч хувийн сайн харилцаатай болсон тухай би дээр хэлсэн. Жанжин Д.Сүхбаатарын талбай дээр машинаас буугаад тэврэлдэж байгааг харахад л бүх юм ойлгомжтой байна даа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны долдугаар сард АНУ-д айлчлал хийлээ. Таны хувьд айлчлалын үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?

-Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлал үр дүн сайтай, их чухал айлчлал боллоо гэж дүгнэх байна.

-Монгол, АНУ-ын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн нь манай улсын хоёр хөрштэйгөө харилцах харилцаанд хэрхэн нөлөөлөх бол?

-АНУ-тай стратегийн түншлэл тогтоосон нь зөвхөн манай орноор зогсохгүй бүсийн хэмжээнд чухал нөлөөтэй байх болно гэж бодож байна. Манай улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд гуравдагч хөршийн тухай концепц тусгалаа олсныг хэн бүхэн мэдэж байгаа.

Энэ концепц хэрэгжсэнээр хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн орнуудтай улс төр, эдийн засгийн ергөн хүрээтэй харилцааг бодлогоор хэрэгжүүлэх боломж нээгдэнэ. Улмаар бидний үйл ажиллагааны цар хүрээ тэлнэ. боломж бололцоо нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, тэгш талтай гурвалжин адил харилцааг бий болгосноор манай улсын аюулгүй байдал бэхжин, эдийн засгийн биеэ даасан байдал бий болно.

Хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх тал дээр манай ГХЯ сайн ажиллаж гэж хэлмээр байна. Энэ зорилгод хүрэхийн тулд манай зүгээс сүүлийн жилүүдэд багагүй хүч чармайлт гаргаж ирснийг хэлэх нь зүйтэй байх.

Үүнтэй холбоотойгоор манай төр засгийн тэргүүнүүдийн АНУ-д хийсэн айлчлалуудын тухай баримт бичгүүдийг сөхөж үзлээ.

-Ямархуу дүр зураг харагдаж байна вэ?

-2004 онд Н.Багабанди Ерөнхийлөгч айлчилсны дүнд Хамтарсан мэдэгдэл гаргасан. Түүнд “Хамтын үнэт зүйлс болон стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан хамтын ажиллагаа, иж бүрэн түншлэлийн шинэ эрин үеийг зарлан тунхаглав” гэжээ.

Тэр үед бид стратегийн гэсэн тодотголтой болгоё гэж анхнаасаа санал болгоод явж байсан боловч яриа хэлэлцээний дүнд иж бүрэн түншлэл гэдэг үгийг авахаар тохиролцсон. АНУ-ын тал хоёр орны харилцаанд стратегийн элементүүд байгаа боловч тэр түвшинд хараахан хүрээгүй гэж үзсэн бололтой. 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаярын айлчлалын дүнд “Хоёр улсын ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай” тунхаглал гаргасан юм.

Энэ Тунхаглалд хамтын ажиллагааны найман зарчмыг тусгаад зогсохгүй иж бүрэн түншлэлийн цар хүрээг өргөтгөх нь зүйтэй гэж үзсэн. Үүгээрээ ч өмнөх Тунхаглалаасаа онцлог байсан. Дараа нь 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын дүнд Хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Түүнд иж бүрэн түншлэлийн тухай гаргасан өмнөх бичиг баримтуудыг нотолсон байна лээ. Уул нь түүндээ иж бүрэн түншлэлийг өргөтгөх тухай гэсэн санааг давтаж оруулсансан бол зүгээр байх байсан. Ер нь ингэж явах ёстой юм л даа.

ГХЯ-ныхан дутуу харсан бололтой. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн онд хийсэн айлчлалын дүнд гаргасан Хамтарсан мэдэгдэлд хоёр орны харилцаа өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн шинэ түвшинд хүрснийг тэмдэглэжээ.

Мөн эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг баталжээ. Энэ хоёр заалт бол шинэ зүйл юм. Ийнхүү явсаар энэ оны долдугаар сард Х.Баттулга Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнд хамтарсан Тунхаглал гаргаж, түүндээ стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа.

Эргээд харахад хоёр орны ялангуяа улс төрийн харилцаа тогтвортой өсөж дэвшиж, хөгжиж ирсэн нь тодорхой байна. Саяхны айлчлалын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны асуудалд онцгой ач холбогдол өгсөн байна лээ. Энэ бол маш чухал.

Ер нь улс төрийн харилцааг эдийн засгийн үр ашигтай хамтын ажиллагаагаар баталгаажуулахгүйгээр ирээдүйн тухай бодох ч хэрэггүй биз ээ.

Өмнөх асуулттай холбогдуулаад хэлэхэд бид гуравдагч хөрштэйгөө холбогдохын тулд заавал хоёр хөршөөрөө дамжиж харилцах болно. Энэ чиглэлээр манай Засгийн газар ихээхэн хүч чармайлт гаргаж, тодорхой үр дүнд хүрсэн. Энэ ажлаа цааш нь эрчимтэй үргэлжлүүлэх нь чухал.

-Та сайд байсан хүний хувьд Гадаад харилцааны яамны үйл ажиллагааг хэрхэн дүгнэх вэ?

-Гадаад харилцааны яамны мэргэжлийн чадавх нэлээд доошилсон юм болов уу даа. Энэ байдал төрийн бүх байгууллагуудад хамаатай. 1990 оноос хойш л ийм байсан юм. Үүнд обьектив, субьектив шалтгаан аль аль нь л байгаа байх. Гэхдээ үүнийг яавч зөвтгөж болохгүй. Учир нь энэ манай улс орны нэр хүндтэй шууд холбоотой асуудал.

ГХЯ-ыг гадагшаа харсан Засгийн газар гэдэг. Иймд энэ яамнаас гарч байгаа үг болгоныг гадаад ертөнц сонсоно, дүгнэлтээ хийнэ. Энэ утгаараа гадаад яам тусгай байгууллага. Төрийн аливаа байгууллагад ахмад, дунд, залуу үеийн төлөөллүүд байх ёстой.

Залуучууд нь доод албан тушаалаас шат ахих журмаар дээш явдаг баймаар, одоогийн залуус шууд л сайд болохыг хүсдэг, мөрөөддөг болж. Төрийн байгууллагын чадавх муудсан нь хоёр шалтгаантай. Нэг нь ар, өврийн хаалгаар хүмүүсийг оруулдагтай холбоотой. Хоёрт, намаар дамжиж өндөр албан тушаалд очдог явдал.

-Боловсон хүчнүүдийнх нь хар тамхи, хууль бус наймаатай холбоотой дуулиан шуугиан ар apaadaa дуулдсаар л байна. Хар тамхи зөөж явсан ажилтнуудын нэгийг таныг сайд байх үед жолоочоор тань ажиллаж байсан ч гэх юм?

-Ийм харамсалтай хэргүүд гараад зогсохгүй бүр сүүлдээ улам ноцтой, гэмт хэргийн шинжтэй болж. Хуучин тамхи зөөдөг байсан бол өнөөдөр хар тамхи зөөдөг болж байна. Миний жолоочоор ажиллаж байсан залуу ийм хэрэгт холбогдсонд тун харамсалтай байна. Хөнгөн шуурхай, тун сайн жолооч байсан сан. Нарийн ширийн юмыг нь мэдэхгүй болохоор ярихад хэцүү юм.

Жолооч хүн дур зоргоороо хэнд ч мэдэгдэхгүй ийм юм хийнэ гэж ухаанд багтахгүй юм. Дипломат төлөөлөгчийн газар чинь цомхон, цөөн хэдэн айлтай л байдаг шүү дээ. Юм болгон алган дээр байгаа юм шиг л байдаг. Тийм болохоор бодох зүйл нэлээн байх шиг санагдана. Ер нь Засгийн газрын түвшинд энэ асуудлыг ярьж шийдвэр гаргахгүй бол болохгүй мэт.

-Элчин сайд нарын томилгооны асуудлууд ихээхэн сунжирч байна. БНСУ-ын Элчин сайд томилогдохгүй удлаа. ОХУ-ын Элчин сайдыг ч томилоогүй байна. Үүнтэй холбоотойгоор одоо сайдаар ажиллаж байгаа хоёр ч хүний хүүхэд гадаадад томилогдох тухай шуугиад амжсан. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Үнэн. Миний мэдэхээр 20-иод газар Элчин сайдыг сольж, томилох шаардлагатай болчихоод байгаа юм билээ. Томилоход хэд хэдэн шат дамжлагатай болсон учраас асуудлыг тэр бүр түргэн шуурхай шийдвэрлэж чадахгүй байна.

Эхлээд Засгийн газраар ороод дэмжигдсэн хүмүүсийн нэрс Ерөнхийлөгчид очдог журамтай. Тэнд дэмжлэг авбал УИХ-д орж, улмаар дэмжигдсэнээр хамгийн сүүлд Ерөнхийлөгч зарлиг гаргадаг. Энэ дунд л асуудлууд гацчихаад байгаа юм билээ. Энд би нэг зүйлийг онцолмоор байна.

Элчин сайдын албан тушаалд чадвартай, мэдлэгтэй, туршлагатай хүний явуулдаг байх нь чухал. Мөн төрийн ажилд нухлагдсан, туршлагатай мэргэжлийн бус хүн явуулахад буруутах юм байхгүй. Гэхдээ манайх шиг жижиг улсад болж өгвөл мэргэжлийн, томилогдон очих улс орныхоо хэл соёлыг сайн мэддэг, өндөр түвшинд тухайн орноо судалсан, ёс суртахуунтай, сайн хүнээ явуулах нь зүйтэй.

Мэргэжлийн гээд яамандаа олон жил ажиллаж байгаа хүн болгон Элчин сайд болно гэсэн үг биш шүү дээ. Элчин сайдаар ажиллана гэдэг тухайн хүний мэдлэг, мэдрэмж, туршлага гээд их олон зүйлээс шалтгаална. Тиймдээ ч мэргэжлийн дипломатуудын сорыг нь сонгож явуулах ёстой. Сайд, дарга нарын хүүхдүүд ийм сор нь болж чадах ахул яагаад Элчин сайдаар явж болохгүй гэж.

Иймд асуудалд хандахдаа дээр дурдсан шалгуурыг удирдлага болгож чадвал асуудлыг зев, шударга шийдэж болно гэж бодож байна.

-Ойрын жилүүдийн олон улсын харилцааны ерөнхий төлөв байдлыг хэрхэн харж байгаа бол?

-Сүүлийн 2-3 жилийн байдлаас үзэхэд олон улсын байдал нэлээд ээдрээтэй, яваандаа улам хурцдах төлөв ажиглагдаж байна. Зэвсэглэлээр хөөцөлдөх явдал гаарах шинжтэй байна. Иймд холбогдох улс орнууд улс төрийн хүсэл, эрмэлзэл гарган ширээний ард сууж, улс төрийн шийдэл олохын тулд хамтран ажиллах хэрэгтэй байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Ундраа: Намын рейтингээр дулдуйдан хэн ч сонгогдож мэдэх учир пропорционал системтэй холихыг дэмжихгүй

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.


-Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаас парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүдээр санал хураалт явуулж эхэллээ. Хууль батлах босгыг өндөрсгөсөн зохицуулалт дэмжигдсэн. Энэ мэт өөрчлөлтүүдэд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль батлах босгыг өндөрсгөхтэй холбоотой заалтуудыг миний хувьд дэмжиж байгаа. Гишүүд ердийн олонхоороо, 39-үүлээ нэгдсэн хуралдаан эхлүүлээд тэдгээр гишүүдийн 51 хувь болох 20 гишүүн хууль баталдаг байдлыг арилгаж, гишүүд заавал олонхоороо хууль баталдаг болж байна. Гэхдээ зүйл, заалт бүр дээр нь бус хуулийг эцэслэн батлах үед нь ийнхүү олонхоороо санал өгөх юм. Баасан гаригт хэлэлцсэн асуудлуудад ихэвчлэн намын бүлгийн байр суурийг дагаж байна. Бүлэг дээр ярилцахаас гадна тухайн хувь гишүүд өөр, өөрсдийн гэсэн байр суурьтай байж, үзэл бодол, зарчмаа дагах тохиолдол бас гарч таарна.

-Парламент хяналтын түр хороотой болох боломжтой болчихов уу?

-Гүйцэтгэх засаглал тогтвортой ажиллах үйл явц бол маш чухал. Гэсэн ч бид парламентын засаглалтай улс учраас парламентын гүйцэтгэх засаглалд болон бусад институцид тавих хяналтыг бэхжүүлэх явдал чухал. Харин энэхүү заалт батлагдсанаар парламент тодорхой асуудлаар Хяналтын түр хороо байгуулах боломж бүрдэнэ. Маш олон гишүүн бусад улс орнуудын парламент хянан шалгах үүргээ хэрхэн биелүүлдэг, Их хуралд үнэн зөв мэдээлэл өгөхгүй бол үр дагавар нь юу байдаг талаар тодруулж байна. Бусад улс орнуудад энэ зохицуулалт маш хатуу байдаг. УИХ-ын Байнгын хороо, түр хороо, ажлын хэсгийн хуралдаан дээр төрийн албан хаагчид, хариуцлагатай ажилтнууд дутуу мэдээлэл өгөх, таамгаар ярих, санаатай болон санамсаргүйгээр худал мэдээлэл өгөх байдал ажиглагддаг. Энэ үйлдлийг хариуцлагагүй явдал гэж боддог. Тэр хүмүүс олон нийтийн өмнө буруу хэрэг хийж байна. Учир нь үнэн зөв мэдээлэл дээр тулгуурлаж төрийн бодлого шийдвэр зөв гарна. Төрийн ажил хийж байгаа хүмүүс албан ажлаа мэдэхгүй хариуцлагагүй хандаж, дутуу мэдээлэл өгнө гэдэг байж боломгүй зүйл. Нэг жишээ татахад АНУ-ын Сенатын Байнгын хороонд буруу мэдээлэл өгөх юм бол шийтгэл нь 250 мянга хүртэл ам.долларын торгууль болон таван жил хүртэлх хорих ял байдаг. Ийм хатуу шийтгэлтэй учир маш хариуцлагатай ханддаг. Үнэхээр мэдэхгүй асуудал байвал тэрийгээ илэрхийлэх ёстой юм. Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой, авлига хээл хахуулийн хэргийг бууруулахад парламентын хянан шалгах эрх мэдлийг бэхжүүлэх замаар олон нийтэд ил нээлттэй хяналтыг сайжруулж байгааг зөв зүйтэй гэж үзэж байна.

-“Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж болохгүй” гэх заалтыг дэмжлээ. Энэхүү заалтын ач холбогдлыг юу гэж харж байгаа вэ?

-Төслийн сахилга бат, хариуцлага маш чухал. Өрийн таазыг нэмэгдүүлэхгүй байх, баталсан төсөвт нэмэлт тодотгол хийн тухайн жилд төлөвлөөгүй зардлуудыг гаргаж ирэн дур дураараа аашлах явдлыг цэгцэлж байгаа нь сайн хэрэг. Энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд сайнаар нөлөөлж, түүнийг хянахад ч зохистой нөхцөл байдлыг бүрдүүлнэ. Түүнээс төлөвлөчихөөд төсөв хүрсэнгүй гэх нэрийдлээр тодотгол хийгээд байвал анхнаасаа төлөвлөж чадаагүйн илрэл. Ингэж төсөвт дураараа гар дүрдэг байдлыг Үндсэн хууль дахь энэ зохицуулалт өөрчилнө гэж үзэж байна. Гэхдээ УИХ хариуцлагаа өндөржүүлэхийн хэрээр тодорхой эрхүүдээсээ татгалзсан заалтууд багагүй батлагдлаа. Бид парламентын засаглалтай орны хувьд УИХ-ын чадамж, чадавхыг, эрхийг хэт хумихад анхаарал болгоомжтой хандах ёстой. УИХ-аа хариуцлагатай болгож байгаа нь энэ гээд эрхийг нь хэт хумьчих юм бол парламентын засаглалаа хэрэгжүүлж чадахгүйд хүрэх вий. Тэгснээрээ ард түмнээс шууд сонгогдох төлөөллийн ардчилал суларч, ардчиллын зарчим ганхаж эхэлнэ.

-Сөрөг хүчний зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сонгуулийн тогтолцоог тусгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж буй. Гишүүдийн тоог нэмэх тухай ярихаасаа илүүтэй сонгуулийн тогтолцоогоо суулгаж өгөх нь чухал ач холбогдолтой гэдгийг хэлж байна л даа.

-Одоохондоо энэ асуудал дээр санал хураалт эхлээгүй байна. Миний хувьд энэ асуудлаар бүлгийн хурал дээр тодорхой байр сууриа илэрхийлж байсан. Гишүүдийн тоог нэмэхийг буруу гэж үзэж байгаа. Хуулийг чанартай сайн батлахад одоогийн 76 гишүүний тоо хангалттай. Мөн бүрэн эрхийн хугацааг таван жил болгон сунгахыг, холимог тогтолцоотой болгохыг дэмжихгүй байгаа. 76 жижиг тойргоороо явахад болохгүй зүйл үгүй. Тэр дундаа намын жагсаалт нэрийн дор олон нийтийн шалгуураар дамжаагүй, нэр дэвшигчдэд тавигдах шаардлагад нийцээгүй хүмүүс орж ирнэ. Ажлын туршлага, намтар нь үнэн эсэх, нэр дэвшигчийн ажил үйлс эрхэлж байсан замнал нь шударга, ёс зүйтэй явж ирсэн үү гэдгийг ард нийт ихээхэн харах болсон. Энэ тохиолдолд намын рейтингээр дулдуйдаж, тэр нөмрөг, халхавчин дор хэн ч ороод ирэхийг үгүйсгэх аргагүй учир пропорционал системтэй холихыг дэмжих боломжгүй. Монголд одоог хүртэл бодлого үзэл баримтлал нь бүрэн цэгцэрсэн нам алга. Бараг 100 жилийн түүхтэй манай нам хүртэл зарим үед улс төрийн философитойгоо нийцээгүй радикал шийдэл гаргахаар гайхах юм. Зүүн, баруунаа мэдэхээ байж үзэл холилдон, эсвэл үзэл баримтлал бүр алга болж, популизм давамгайлах үед бодлого хааччихав гэж гайхширмаар. Мэдээж илүү төгөлдөршсөн, төлөвшсөн ардчилалтай тохиолдолд тухайн хүмүүс намынх нь бодлогыг харж сонгодог. Тэр тохиолдолд пропорционал системтэй байх нь зөв. Гэхдээ манай ардчилал хараахан тэр хэмжээнд хүрээгүй байна. Магадгүй 20 жилийн дараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийгдэхээр болбол дээрх тогтолцоог суулгах талаар яригдахуйцаар ардчилал бэхжиж, намууд төлөвшиж, институциуд хөгжиж чадсан байх болов уу гэж найдаж байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийн хараат бус байдлыг бий болгож хариуцлагажуулна гэх хүлээлт олон нийтийн дунд байсаар байна. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбоотойгоор энэ зорилгоосоо ухрах нь гэх шүүмжлэл ч гарах боллоо. Та үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Олон нийт, бизнес эрхлэгчдийн дунд шударга ёсны хүсэмжлэл асар өндөр байна. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлтэй нөлөө бүхий нэгнийх нь талд шийдвэр гарч, хүчгүй нь хохирч байна уу даа гэх бухимдал маш их байна. Иймэрхүү бодитой тохиолдлууд байгаад байгаа учраас л хүмүүс ингэж бухимдаж байгаа хэрэг. Шударга ёсны хүсэмжлэлийн хариу нь шүүхийг улс төрөөс ангид, хараат бус, шударга ажиллах бололцоог хангах. Тэр утгаараа би 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дэх шүүх засаглалтай холбоотой есөн заалтыг дэмжиж байсан. Тэдгээрийг хийгдэх ёстой өөрчлөлтүүд гэж харж байсан. Харамсалтай нь зөвшилцлийн үед тэдгээр заалтуудын цөөнгүй нь хасагдсан. Гэхдээ чамлахаар чанга атга гэдэгчлэн үлдсэн заалтуудаа батлах ёстой.

Миний хувьд “Залуусын дуу хоолой” нэртэй арга хэмжээг санаачлан зохион байгуулсан. Залуучууд улс төр, нийгмийн асуудлуудад тэр дундаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд анхаарлаа хандуулаасай гэсэн үүднээс дуу хоолойгоо нэгтгэн идэвхтэй байх боломжийг нэмэгдүүлж, залууст ярилцах платформ бий болгож өгөхийг хүсч, зорьсон. Зорилго маань биелж уг арга хэмжээнд оролцсон нийгмийн идэвхтэй маш олон залуус Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой ажлыг цааш нь үргэлжлүүлээд явсан. Өөр хоорондоо ярилцаад, анхаарал хандуулаад явж байгаад би маш их баяртай байгаа. Мөн хуульч залуус үнэхээр идэвхтэй байна. “Залуусын дуу хоолой” хаштаг сошиал сүлжээнд идэвхтэй ашиглагдаж, орон нутагт залуус нэгдэж ярилцаж байгаад баяртай байна. Саяхан хуульчдын өөрсдийнх нь мэргэжлийн байгууллагаас байр сууриа илэрхийлж жагсаал хийлээ. Хэдийгээр үүнийг зохион байгуулахад миний ямар нэгэн оролцоо байхгүй ч энэ залуучуудын хийж буй зүйлийг зөв зүйтэй гэж харж байгаа. Мөн эрдэмтэд, судлаачдын байр суурийг анхааралтай уншиж, ажиглаж байна.

-Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийг таны хувьд өмнө нь онцолж ярьж байсан. Сумын Засаг даргыг иргэдээс сонгохоор төсөлд тусгагдсан нь багагүй шүүмжлэл дагуулж байх шиг. Энэ зохицуулалтын тухайд та юу хэлэх вэ?

-Өмнө нь орон нутаг, шат шатны засаглалын бодлогын уялдаа холбоо, хэрэгжилтийг чухалчилж ярьж байсан. Засгийн газраас гарч байгаа шийдвэрийн хэрэгжилт дунд болон анхан шатандаа очоод хэрэгжихгүй байх нь олон. Үүн дээр нэмээд удирдлагууд нь уялдаа холбоо муутай ажлаад байвал бүр хэцүү. Нөгөөтэйгүүр иргэдийн амьдралд тулгамдаж байгаа ажлуудыг хамгийн түрүүнд олж харж, шийдэх субьект нь анхан шатны нэгж. Тэр үүднээсээ иргэд ахуй амьдралдаа ойр буусан шийдвэр гаргая гэвэл анхан шатныхаа удирдлагыг намчирхахгүй дундаасаа сонгодог байх хэрэгтэй. Энэ нь зөв тогтолцоо юм. Намаар нь дэмжчихээр түүнээс томилсон хүнд шаардлага тавих, хариуцлага нэхэх процесс шууд, тодорхой байхад ярвигтай. Дээрээс нь бидний намчирхал хэрээс хэтэрч, ахуйд нөлөөлж байна. Сум, баг битгий хэл нэг гэр бүлийн дотор намчирхал бий болчихсон. Иймд иргэд өөрсдөө орон нутгийнхаа удирдлагыг илүү шууд хэлбэрээр сонгож, сум, хорооны тулгамдсан асуудлуудаа илүү бодитой шийдүүлж, хариуцлагаа ч тооцдог байх ёстой юм.

-Ирц бүрдэхгүй, тодорхой саналууд дээр гишүүдийн санал нэгдэхгүй байгаа энэ нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд бүлгийн дарга багагүй хүчин чармайлт гаргаж байгаа харагдсан. Гишүүдийн Үндсэн хууль хэлэлцэж буй уур амьсгалыг та юу гэж дүгнэхээр байна вэ?

-Намын бүлгийн шийдвэрээ дагах ёстой гэдэг дээр бүх гишүүн хатуу байр суурьтай байгаа юм биш. Гэхдээ ерөнхий хандлага нь аль болох нэгдэж, улс төрийн шийдвэрээ дагах нь зүйтэй гэж харж байгаа. Хэдий тийм ч хэтэрхий хааж боож, өөр үзэл бодол байхыг зөвшөөрөхгүй, хүлцэхгүй байвал тэр нь эргээд сөрөг үр дагавартай гэж үзэж байна. Хэтэрхий хайрцагласан, тушаасан байдлаар ажил явахгүй л дээ. Тиймдээ ч хэт тулган шаардсан, хүч түрэмгийлсэн, хүний эрхийг зөрчсөн хандлагын эсрэг байр сууриа илэрхийлэх болно.

-Санасныг бодоход хоёрдугаар хэлэлцүүлэг эрчимтэй үргэлжилж, цөөнгүй заалтуудыг хэлэлцчихлээ. Энэ чигээрээ явбал төд удалгүй л Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө баталчих болов уу гэж харж байна. Энэ тухайд?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол түүхэн шийдвэр. Энэ түүхэн шийдвэрийг батлах босго өндөр. Хуулийн дагуу 57 гишүүн саналаа нэгтгэж байж тэр заалт батлагдана. Энэ нь ямар өндөр босго болохыг санал хураалт бүрт бид харж байна. Монголын өдөр тутмын том сонинд ярилцлага өгч байгаагийн хувьд нэг зүйлийг хэлэх нь зүйтэй байх. Техникийн дэвшил гэдэг сайн зүйл. Хурууны хээгээр санал хураалгаж хууль баталдаг болсноор өөр хүний өмнөөс кноп дардаг байдлыг арилгаж, гишүүдийн хариуцлагыг өндөржүүлсэн. Энэ нь М.Энхболд даргын үед хийгдсэн маш чухал ажил. Гэхдээ бүх зүйл амар байдаггүйн адилаар техникийг ашиглахдаа зарим үед будилах, төхөөрөмж ажиллахгүй байх тохиолдлууд гарч байна. Үүнээс үүдэн хэд хэдэн гишүүн дэмжсэн санал өгсөн ч сөрөг гарсан. Энэ үед протоколд хэлж тэмдэглүүлээд дэмжсэнээр тооцуулан цааш явж байна. Систем, техникийн дэвшил бидний санал өгөх процессийн дундах ньюанс хэрхэн өрнөж байв гэдгийг магадгүй хэдэн жилийн дараа судлаачид нарийн судлах байх. Энэ талаар УИХ-ын архивт үлдэх нь дамжиггүй. Тэр утгаараа “Өдрийн сонин”-ы архивт ч энэ тухай хэлж, тэмдэглэн үлдээх гэсэн юм. Сонины шарласан хуудас түүх гэрчилнэ гэдэг шүү дээ. Ямар ч алдаа гаргадаггүй, төгс төгөлдөр систем юу юм бэ гэдгийг ч энэ нөхцөл байдал бодоход хүргэж байлаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Нарантуяа: Сонгуулийн тогтолцоогоо шийдэж чадахгүй бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад ямар ч үр дүнгүй

– БИДЭНД КНОП БИЙ ГЭЖ ХЭТ ТҮРЭМГИЙЛЖ ХАНДАЖ БАЙГАА УЧРААС ӨРГӨН БАРЬСАН ТӨСЛӨӨ БАТЛУУЛЖ ЧАДАХГҮЙ ХЭМЖЭЭНД ХҮРЧИХЭЭД БАЙНА –

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг ямартаа ч эхлүүллээ. Хэлэлцүүлгийн үйл явцын талаар таны байр суурь ямар байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа нийт гишүүдийн 3/4-аар буюу 57 гишүүний дэмжлэгийг авах ёстой. Тэгж байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдана. Уг төслийг 62 гишүүн өргөн барьсан. Ингээд үзэхэд эрх баригч намын 62 гишүүн оруулж ирсэн төслөө хангалттай батлах боломжтой. Харамсалтай нь өнөөдөр өргөн барьсан төслийнхөө эсрэг бодолтой гишүүн маш их байна. Хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад буюу өнөөдөр (өчигдөр) 150 саналын томьёолол орж ирлээ.

Үүний эхний санал дээр нь гэхэд л бүгд өөр байр суурьтай байна. Энэ нь өөрсдийн өргөн барьсан Үндсэн хуулийн төслийнхөө томьёололд санал нэгдэж, зөвшилцөж чадаагүй гэдгийг харуулж байгаа юм. Үүнээс харахад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаж чадна гэдэгт эргэлзээ төрүүлж байна.

-62 гишүүн гарын үсэг зуран дэмжсэнээр энэ төслийг өргөн барьсан ч өнөөдөр ийнхүү санал зөрөлдсөөр байна. Үүнээс гишүүдийг анхнаасаа төсөлтэйгөө сайтар танилцаагүй гэж ойлгох уу, эсвэл өөр ашиг сонирхлын зөрчил байна уу?

-Өргөн барьсан төслийнхөө утга агуулга дээрээ анхнаасаа санал нэгдээгүй байсан нь харагдаж байна. Энэхүү төслийг сайжруулахын төлөө Ерөнхийлөгч болон бусад улс төрийн хүчний нам, эвслүүдтэй зөвшилцөөгүй. Харин ч олонхоороо хүч түрж өргөн барьснаас энэ бүх хүндрэлүүд бий боллоо гэж үзэж байна. Хэдийгээр УИХ дээр 64 суудалтай ч гэсэн ингэж эрдэж болохгүй. Үндсэн хууль гэдэг нийт ард түмний эрх ашгийг хөнддөг суурь хууль учраас УИХ-д суудалтай, суудалгүйгээс үл хамаарч бүх улс төрийн хүчнүүд, нийгмийн байгууллага, төлөөлөл, судлаачдын саналыг маш нухацтай авч үзэж байж батлах ёстой.

Анхнаасаа энэ бэлтгэл ажлаа сайн хийж чадаагүй учраас хоёрдугаар хэлэлцүүлэг дээр, санал өгөх мөчид хүртэл үндсэн зүйлүүд дээрээ санал зөрөлдөж байна. Үүнийг хэд хэдэн жишээ харуулж байна. Нэгдүгээрт, улс төрийн сонгуулийн тогтолцоогоо холимог, мажоритар, пропо-рцианаль байх уу гэдгээ одоо ч тохиролцож, шийдэж чадаагүй байна. Энэ нь бүхий л улс төрийн намуудын хувьд амин чухал асуудал. Монголын өнөөдрийн төрийн байгууллагуудын хоорондын зөрчилдөөн, улс төрийн орчны энэ сөргөлдөөн сонгуулийн тогтолцооноос ихээхэн хамаарч байгаа. Жалга бүрээс, 76 жижиг мажоритароор сонгогддог энэ тогтолцоо улс төрийн намуудын төлөвшилд ч, улс орны алсын хөгжлийн бодлогод ч сөргөөр нөлөөлдөг. Ийм том бодлогынхоо зарчмын суурь асуудал дээр нэгдэж чадаагүй байна гэдэг санал хураахад бэлэн биш байгааг харуулж байна.

Хоёрдугаарт, хамгийн чухал нь улс төрийн намууд институцийн хувьд хөгжих, бэхжих, төгөлдөрших, хариуцлагатай болох хэрэгтэй. Үзэл баримтлал, үнэт зүйлээрээ ялгарч хөгжих хэрэгтэй байна. Удирдлага, санхүүжилт нь ил тод баймаар байна. Хариуцлага, хэрэгжүүлэх бодлого нь урт хугацаанд тогтвортой, судалгаатай, алсыг харсан байх хэрэгтэй байна. Ингэхийн тулд улс төрийн намынхаа суурь зарчмыг оруулах ёстой. Гэсэн ч өнөөдөр санал зөрөлдөөнтэй, тохиролцож чадахгүй байна. Дээрээс нь хууль шүүхийн байгууллага шударга ёсныхоо баталгааг хангах тал дээр тохиролцож чадахгүй байна. Ер нь бол Үндсэн хуулийг өөрчлөх нийгмийн хэрэгцээ шаардлага нь таван зүйлтэй холбоотой байсан.

-Тэдгээрийг тодруулаач?

-Нэн тэргүүнд байгалийн баялагаа тэгш, шударга, хүртээмжтэй хуваарилах суурь зарчмаа тодорхойлох, УИХ, улстөрчид нь хариуцлагажихтай холбоотой байсан. Хэрэв хариуцлага алдвал УИХ өөрөө тардаг, тухайн гишүүнийг эгүүлэн татдаг эрх зүйн үндэслэлийг бий болгох шаардлага байгаа. УИХ, Засгийн газар буюу хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал нь харилцан хяналт тэнцэлээ хангадаг, өөр өөрийн үүргээ биелүүлдэг, байр суурин дээрээ байх туйлын шаардлага ч бий. Дээр хэлсэнчлэн улс төрийн намууд хөгжлийнхөө дараагийн шинэ шатанд гарч, үзэл баримтлалаараа нийт иргэддээ хүлээн зөвшөөрөгддөг байж сонгуульд оролцдог, эрх авдаг, улс орныг удирддаг зарчимтай болох ёстой. Өнөөдрийг хүртэл хууль шүүхийн байгууллагад улстөрчдөөс, эрх баригчдаас, төрийн зарим институциэс шууд оролцож байгаа оролцоог арилгаж, бие даасан байдлыг хангахын тулд Үндсэн хуульд зайлшгүй зарчмуудыг суулгах хэрэгтэй байсан. Мөн төрийн алба нь тогтвортой, мэргэшсэн, улс төрөөс ангид байх гэх зэрэг энэ хэдэн суурь зарчмууд дээрээ бид Үндсэн хуулийн хүрээнд тодорхой өөрчлөлтүүдийг хийж, дараагийн 20, 30 жилдээ тогтвортой хөгжих, хөгжлийнхөө суурийг тавих зайлшгүй шаардлага байсан. Тиймдээ ч ард иргэд энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлагдаасай гэж хүсэн хүлээж байсан. Хувь улстөрчийн хувьд ч тэр, би энэ байр суурин дээр байсан юм. Мэдээж тодорхой зүйлүүд дээр илүү сайжруулах, хариуцлагажуулах ёстой гэх байр суурийг илэрхийлсэн. Ялангуяа төсөв, санхүүгийн харилцааны зарчмуудыг илүү тодорхой болгож, тусгагдаагүй зүйлүүдийг сайжруулъя гэдэг саналыг өгч байлаа. Нэг зүйл ажиглагдаж байгаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр бусдын саналыг хүлээж авахгүй, тэр бүү хэл дотроо байгаа өөр үзэл бодолтой гишүүдээ ч сонсохгүй байна. Бидэнд кноп бий гэж хэт түрэмгийлж хандаж байгаа учраас өргөн барьсан төслөө батлуулж чадахгүй хэмжээнд хүрчихээд байна. Энэ нь тун харамсалтай юм.

-Зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж Ерөнхийлөгч болон улс төрийн намуудын саналыг тусгасан гэдгийг хууль санаачлагчид хэлж байгаа шүү дээ.

-Өөрсдөө бол тэгж тайлбарлаж байгаа юм. Хэлбэр төдийгөөр л санал авч байгаа. Агуулгын хувьд хүмүүсийн тусгуулахыг хүсч буй санаа бүрэн дүүрэн сууж чадахгүй байгаа учраас хүмүүс эсрэг санал илэрхийлээд байна.

-Ардчилсан намын зүгээс тогтолцоогоо тодорхой тусгаж өгөх ёстой гэж буй. Хоёрдугаар хэлэлцүүлгээр тогтолцоог тодорхой суулгах боломжтой юу?

-Энэ асуудлаар Ерөнхийлөгчөөр ахлуулсан зөвшилцлийн ажлын хэсэг дээр ярьсан. Ардчилсан намын зүгээс ч байр сууриа илэрхийлсэн. Харамсалтай нь өнөөдөр зөвшилцөж чадаагүй. Энэ нь олонхын бүлгийн саналаар буюу 76 жижиг тойрог, дээр нь 23 хүн жагсаалтаар гээд 99 гишүүнтэй байхаар санал хураагдах нь шиг байна. Төсөл дээрээ бол энэ нь байхгүй. Яг энэ асуудал ихээхэн маргаан дагуулж байгаа. Миний хувьд гишүүдийн тоо 76, 99, 108 байна гэдэг нь тийм чухал биш. Хамгийн гол нь суурь, улс орны хөгжлийн том бодлого орхигддог, түүнийг ярьдаг төлөөлөл УИХ-д байхгүйд учир бий. Бүгд зөвхөн сонгогдохын тулд тойрог руугаа, төсвийн үрэлгэн, хэсэгчилсэн жижиг бодлого руу илүү анхаарч нийт төсвийн 2/3 хувь нь хөдөө орон нутагт хуваарилагддаг. Гэсэн ч хөдөө орон нутгийн хөгжил 1960 оныхоо түвшинд хэвээр байна. Томоохон төслүүд нь дандаа олон улсын төсөл, эсвэл бондын хөрөнгөөр санхүүжигддэг. Энэ нь маш их хэл ам дагуулдаг. Жил болгон үндсэн чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дөрвөөс таван том төслүүд хөдөлнө гэж ярьдаг ч хэзээ ч явдаггүй. Тиймээс хэн нэгэн хүн, институци Монгол Улсын хөгжлийн алсын хараа, бодлого төлөвлөлтийг судлаад, урт, дунд, богино хугацаагаа, хүрэх үр дүнг нь тодорхойлоод, түүний араас үргэлж хянадаг, ажилладаг байх төрийн залгамж чанар хэрэгтэй байна. Ингэж чадахгүй байгаа нь эргээд сонгуулийн жижиг тогтолцоотой холбоотой болж таардаг. Үүнийгээ шийдэж чадахгүй бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа ч ямар ч үр дүн харагдахгүй.

-Байгалийн баялгийг төрийн нийтийн өмч байна гэж тусгахаар болж байна. Төрийн нийтийн гэх томьёолол ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчийн мэдлийнх болох нь гэх болгоомжлол ч иргэдийн дунд байна. Та үүнд хувь гишүүнийхээ зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Төр гэдэг Ерөнхийлөгч ганцаараа биш. Төр бол иргэдийнхээ эрх ашгийн төлөө үйлчлэх гэж байгууллагддаг. Харамсалтай нь өнөөдөр төр, иргэн хоёр ялгарчихаад байна. Нийтээр эзэмших, ашиглах ёстой тэр бүх байгалийн баялгийг төр ухаалаг менежмэнтээр, бүх ард түмэндээ тэгш хүртээмжтэйгээр хуваарилах бодлогыг явуулах ёстой. Харамсалтай нь, төрийн шийдвэр гаргах мест дээр оччихсон хүмүүс эрх мэдлээ ашиглаж тэр баялгийг иргэддээ биш, өөрсдөдөө төвлөрүүлж авч байгаад л иргэд бухимдаж байна. Үүнээс болоод иргэд төр гэдгийг өөрсдөөсөө тусдаа үзэх болсон. Төр тусдаа өмчтэй, эрх мэдэлтэй байхын эсрэг болчихоод байгаа. Энэ бол нийгмийн гаж үзэгдэл. Ийм нөхцөл байдал үүсгэсэн буруутан нь ард иргэд биш. Харин тухайн үе бүрийн шийдвэр гаргагч түвшний хүмүүсийн алдаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор 150 гаруй санал дээр санал хураалт явуулна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэлэлцэх журмын тухай хуулийн дагуу гишүүдийн ирц өндөр байх шаардлагатай. Энэ тохиолдолд чухал саналууд унах эрсдэл бүрдэхийг үгүйсгэх аргагүй байна. Тэгэхээр Үндсэн хууль цогцоороо батлагдаж чадах уу?

-Зүйл заалт бүрт санал хураалт явуулахад 57-гоос дээш гишүүн оролцож, тэд дэмжиж санал өгснөөр батлагдах ёстой. Өнөөдөр чуулганы ирцийг харахад сөрөг хүчний гишүүдийг оролцуулаад 62-уулаа байна. Эрх барьж байгаа намын хууль өргөн барьсан 62 гишүүн бүгд нэгдсэн хуралдаанд орж ирэхгүй байна. Тийм учраас нэг гишүүн л эсрэг дарахад энэ саналууд дэмжигдэхгүй унах магадлалтай. Маш эрсдэлтэй байдалтай байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: Эрх баригчид Үндсэн хуулийг өөрт ашигтайгаар өөрчлөхөөр ажиллаж байна

– ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТЛАХҮЙЛ ЯВЦ МАШ ХҮНД БАЙДАЛД ОРЧИХЛОО-

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хувь гишүүний зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд сайн зохицуулалтууд бий. Харамсалтай нь гуя дагаж хүзүү гэдэг шиг зөвхөн өөрсдийгөө төрд олон жил байлгах гэсэн заалтууд хамт орж ирсэн.

Би энэ зун 40 гаруй хоног хөдөө орон нутгийн тав, арван айлын болоод багийн дунд уулзалт хийж явлаа. Тэдгээр малчдаас нэг ч хүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оролцож, саналаа өгөөгүй байна. Би нийтдээ 2500 гаруй малчин иргэдтэй уулзсан. Тэдэнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар ч дэлгэрэнгүй мэдээлэл алга. Хэлэлцүүлэгт ороогүй учраас тэдгээр хүмүүс ямарваа нэгэн санал хэлэх боломжгүй байна. Дээрээс нь Ховд аймгийн төвийн дөрвөн багийн 1500 гаруй иргэнийг Ченжийн тохой гэдэг газар цугцлуулж, уулзалт хийсэн. Тэдгээр хүмүүст “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэгт орсон хүн байвал гараа өргөнө үү” гэхэд долоон хүн л гараа өргөж байна. Тэгэхээр миний уулзсан 4000 орчим хүнээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэгт долоон хүн нь л оржээ. Өнөөдөр нөхцөл байдал ийм байхад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн танил-цуулга дээр 163 мянган хүн энэ хэлэлцүүлэг орсон гэж бичсэн байгаа юм.

Ховд аймагт Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг нэг удаа болсон. Түүнд 218 хүн оролцсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Батнасан, Ц.Цогзолмаа нарын зохион байгуулсан уулзалт, хэлэл-цүүлэгт дээрх иргэд л оролцож, тодорхой саналуудаа хэлэлцсэн. Эдгээр нь бүгд төрийн албан хаагчид байсан, тэнд жирийн иргэдээс огт байгаагүй. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг бүрэн дүүрэн болсон гэдэг нь худлаа зүйл болж байна. Нэг аймагт 200 гаруйхан хүн оролцсон гэхээр энэ хэлэлцүүлэг ард түмнээр огт хэлэлцүүлэгдээгүй, тэдний санал тодорхой тусгагдаагүй гэж ойлгож болно.

-УИХ-ын нэгдсэн хуралдааны ирц хоёр дахь өдрөө бүрдсэнгүй. Зарим гишүүд хуралдаа орж ирэхгүй байгаа нь ямар учиртай юм бэ. Өөрсдийнхөө өргөн барьсан төслийг дэмжихгүй байх ямар шалтгаан байна гэж та харж байна вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг явуулахын тулд МАН маш их хичээж байна. Харамсалтай нь дотроо тодорхой асуудлуудад санал зөрөлдөж байгаа учраас өнөөдрийн байдлаар УИХ-ын нэгдсэн хуралдааны ирц бүрдэхгүй хоёр өдөр болж байна. МАН-ын эрүүл санаа бодолтой гишүүд үүнд сөрөг байр суурьтай байгаа. Эрх баригчид тодорхой нэгдсэн бодлогод хүрч чадахгүй байна. Миний хувьд эрх баригчид, олон жил төрд байсан хүмүүс Үндсэн хуулийг өөрт ашигтайгаар шийдүүлэхээр ажиллаж байна гэж үзэж байгаа.

Нэгдүгээрт, УИХ-ын гишүүнийг тоог 99, 108-д хүргэнэ гэж байна. Гишүүдийн тоог олон болгосноор гэмт хэрэгт холбогдсон нийт 55 гишүүдэд сэмхэн эргэж орж ирэх боломжийг нь нээж байна. Ингэснээр дахин олон жил сонгогдох боломжоо бүрдүүлж байна. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацааг таван жил болгохоор ярьж байгаа. Энэ зохицуулалтыг хийснээр төрөөс олон жил хулгай хийх боломжоо мөн бүрдүүлэх нь. 49 ЖДҮ-чин дунджаар 1.3 тэрбум төгрөгийн зээл авч байсан бол одоо маш нарийн зохион байгуулалттайгаар хоёр тэрбум төгрөгийн хулгай хийнэ гэсэн үг. Мөн 800 тэрбум төгрөгийн концесс авдаг байсан бол нэг их наядын концесс авна. Тендерчид бүр олон жил тендерээ хулгайлна. Ийм боломжийг тэд олж авах нь. Гуравдугаарт, Үндсэн хуульд холимог тогтолцоо оруулж ирсний дүнд хийсэн бүтээсэн зүйлгүй буг болсон нөхдүүд дахиад сонгогдох, төрд суух тэр боломжоо авч байгаа. Энэ УИХ-д Ч.Улаан, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, М.Энхболд мэтийн нөхдүүд олон жил төрд суух боломжоо олж авахыг эрмэлзэж байна. Тэд насаараа шантааж хийж сонгогдох эрхээ авч байгаа хүмүүс. Энэ хүмүүс Засгийн газрыг унагаана гэж байгаад буцаад тэр жагсаалтад орно. Ингэж дахин сонгогдох, төрд суух боломжоо авч байгаа юм. Энэ гурван үндэслэл байгаа учраас би энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг огт дэмжихгүй байгаа.

-Засгийн газар унах нь гэсэн яриа гарсан. Үүнийг сөрөг хүчнээс эрх баригчид руу шидсэн чулуу гэдгийг МАН-ын зарим гишүүд хэлж байсан. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор хийсэн хэсэг бүлэг хүмүүсийн акц ч гэж тайлбарлаж байна. Энэ тухайд?

-Засаг өөрчлөгдөнө, Засгаа өөрчилнө гэдэг яриа цэвэр эрх баригчдын зүгээс гарч байгаа. Манай намын зүгээс Засгийн газрыг өөрчилнө гэж ямар нэгэн санал, санаачилга огт гаргаагүй. Тэгээд ч бид хэд цөөхүүлээ учир Засгийн газрыг огцруулах ямар ч боломж байхгүй. Өнөөдөр Засгийн газрыг огцруулна гэж ярьж байгаа л бол тэр зөвхөн дотоодоос нь гарч байгаа асуудал. Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сонгуулийн тогтолцоо гэх зүйлийг оруулаад сонгуулийн тогтолцооны дагуу пропорцианаль элементийг оруулж, намын жагсаалтаар сонгогдох эрхээ авах гэж байгаа, түүнийгээ шантаажилж авдаг, олон жил аваад сурчихсан тэр хүмүүс ийм яриа гаргаж байгаа юм.

-Ардчилсан намын зүгээс гишүүдийн тоог 108 болгох нь зүйтэй гэх саналыг гаргасан. Таны зүгээс гишүүдийн тоог нэмэх саналыг дэмжихгүй байгаа хэрэг үү?

-Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, саналдаа УИХ-ын гишүүдийн тоог нэмэх талаар тусгасан. Тоог нэмэх ийм шаардлага байгаа талаар үндэслэлтэйгээр гаргаж тавьсан байсан. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн уг саналыг Ардчилсан нам дэмжиж байгаа. Бусдаар бол УИХ-ын гишүүдийг нэг хэвэнд цутгачихсан юм шиг байж болохгүй. Хэдийгээр гишүүдийн тоог нэмэх зарчим дээр Ардчилсан намын зөвлөл ийм байр суурьтай байгаа ч хувь гишүүнийхээ зүгээс үүнийг дэмжихгүй. Өнөөдөр ард түмэн энэ хулгай зэлгий, гэмт хэрэг хийдэг энэ 76 гишүүний тоог нэмэх шаардлага байхгүй гэж үзэж байна. Маш их шүүмжилж байна. Тэр байр суурьтай миний хувьд санал нэг байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ баталж чадах уу. Та юу гэж харж байна вэ?

-Даваа гаригт гишүүдийн ирц чуулганы нэгдсэн хуралдааныг эхлүүлэхэд тун дөхсөн. Харин өнөөдөр (өчигдөр) бүр байхгүй болчихлоо. Улам цахалдаг, өөрийн дураараа асуудлаа шийдвэрлэх гэж оролддог УИХ-ын гишүүн их бий. Тэр гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эсрэг байж, өөрсдийн санаа бодол, хүсэл зорилгод таарсан өөрчлөлт хийлгэхийн төлөө, өөрт ашигтай шийдвэр гаргуулахын төлөө сарниж бутарна. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах үйл явц маш хүнд байдалд орчихлоо.

-Хэрэв УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгээ явуулчих юм бол Ард нийтийн санал асуулга явуулах нь зөв үү, эсвэл шууд гуравдугаар хэлэлцүүлгээ хийх хэрэгтэй юү?

-Дээр хэлсэнчлэн Үндсэн хуулийн хэлэлцүүлэг маш муу түвшинд явагдлаа. Нэг аймагт 210 гаруй хүн оролцсон байхад хэлэлцүүлэг гэж үзэхгүй. Тэгэхээр Ард нийтийн санал асуулгыг зайлшгүй явуулах ёстой гэдэг Ардчилсан намын байр суурь хамгийн зөв байгаа юм. Ардчилсан намын зөвлөл ийм байр суурьтай хэвээр байгаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ё.Баатарбилэг: Их, дээд сургуулиуд 50-60 хувиар цөөн элсэлт авсан нь тэдэнд маш том сорилт болно

-СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛЖ, ДАВХЦАЛЫГ АРИЛГАЛАА-

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.


-Хичээлийн шинэ жил тун удахгүй эхэллээ. Энэ хичээлийн шинэ жилийн онцлог нь юу вэ. Салбарын сайдын хувьд та юу гэж дүгнэж байгаа бол?

-Энэ жилийн хичээлийн шинэ жил их онцлогтой. Хөтөлбөрийн шинэчлэл хийлээ. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаанд баримтлах чиглэлийг анх .удаагаа гаргалаа.

Тухайлбал, сургууль, орон нутгийн удирдах ажилтнууд төлөвлөгөөт бус ажлаар хичээл, сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй, багш нарыг албан тушаалын тодорхойлолт, үндсэн чиг үүрэгт үл хамаарах ажилд татан оролцуулахгүй гэж тусгасан.

Ингэж багшийн эрх мэдлийг баталгаажуулж өгч байна. Дээрээс нь сургууль, орон нутгийн удирдлага, эцэг, эхийн зүгээс хичээлийн дундуур багшийг дуудаж уулзах, өөр ажилд татан оролцуулах зэргээр хичээл, сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх тухай оруулж өгсөн. Сургалтын үйл ажиллагаанд баримтлах энэхүү чиглэлийг БСШУС-ын сайдын тушаалаар баталсан.

“Сайдын тушаал гарсан учир таны энэхүү үйл ажиллагаанд би оролцох боломжгүй” гэж хэлэг, харуулах юмтай байг гэсэн үүднээс ийнхүү баталлаа. Түүнчлэн хичээлийн шинэ жилд 20, 30 зорилго, зорилт тавьдаг байсан. Энэ жил 11 зорилго, зорилт л тавьсан.

Багш, сургууль, эцэг, эхчүүдэд хамааралтай байхаас гадна хэрэгжүүлэхэд амархан зорилго, зорилтууд дэвшүүлсэн. Өмнө нь маш том, ерөнхий зорилго тавьдаг байсан. Түүнийг нь хэн . хаана, хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй. Тиймдээ ч эргээд зорилтоо дүгнэхэд учир дутагдалтай байсан.

-Сургалтын цөм хөтөлбөрт шинэчлэлт хийсэн. Сургалтын хөтөлбөрийг яагаад өөрчлөхөөр болов?

-Хичээлийн шинэ жилийн гол онцлог нь сургалтын хөтөлбөрт шинэчлэлт хийсэн явдал байлаа. Сургалтын хөтөлбөрт жил болгон сайжруулалт хийж байх ёстой гэсэн бодлогыг барьж байгаа.

ОХУ, БНСУ-д сургалтын хөтөлбөрийг жил болгон засаж, сайжруулж, шинэчилж болно гээд хуульдаа тусгачихсан. Шинэчлэлтэйгээ холбоотойгоор сурах бичгээ шинэчилж, хэвлэж болох тухай ч заачихсан байдаг. Хөтөлбөрийг өөрчлөх гэлээ гэх шүүмжлэл байдаг л даа.

Нийгэм асар хурдацтай өөрчлөгдөж, хүмүүсийн сэтгэлгээ хөгжиж байхад аль эртний хөтөлбөрөөрөө яваад байж болохгүй. Тиймээс засаж сайжруулах шаардлагатай. Цаг үедээ зохицуулж сургалтын хөтөлбөрөө шинэчилж явахгүй бол нэг хөтөлбөрөөрөө 5-10 жил заадаг үе ард хоцорсон.

-Сургалтын хөтөлбөрийг засаж, сайжруулснаар ямар өөрчлөлтүүд гарах вэ?

-Сургалтын хөтөлбөрийн чанар улам сайжирсан. Тодруулбал, бага ангийн сургалтын 30 гаруй хувийн агуулгын давхцалыг арилгасан. Дунд, ахлах ангид 8-9 хувийн давхцалыг арилгалаа.Давхцалыг арилгах тусам төдий чинээ ачаалал буурна гэсэн үг.

Ер нь манай ЕБС-ийн хүүхдүүд хэрэгтэй, хэрэггүй маш их хичээл орж байна. Яваандаа хичээлээ сонгон суралцдаг чиглэл рүүгээ орохгүй бол хүүхдийн тархийг хогийн сав шиг л болгох нь.

Урлаг уран сайхан сонирхдог хүүхдийг арван хэдэн хичээлээр бүтэн жил нүдэх хэрэг байна уу, үгүй гэдгийг бодох ёстой байгаа юм. Байгалийн ухааны болон нийгмийн ухааны нэгдмэл хичээл гэж ерөнхий агуулгаар заагаад, түүгээр нь дүгнэдэг тогтолцоо руу орох хэрэгтэй юм билээ. Тиймээс бид одооноос нэгдмэл агуулгаар хичээл заадаг багш бэлтгэх хэрэгтэй болж байна.

Хими, физик, биологийн хичээлийг ерөнхий мэдлэгийнх нь түвшинд хамтад нь заадаг багшийг бэлдчихвэл орон тоо болон хичээлийн цаг, агуулга багасах давуу талтай. Харин үлдсэн цагтаа хүүхэд өөрийнхөө сонирхсон хичээлийг гүнзгийрүүлэн үзэж болно.

Анагаахын сургуульд орох бол химийн хичээлээ түлхүү үздэг ч юм уу. Ингэвэл хүүхдэд илүү сонирхолтой байна. Цаг үе ч үүнийг шаардаж байна. Тиймээс тогтолцооны болон сургалтын бүтцийн өөрчлөлтүүдийг зайлшгүй хийхээс өөр аргагүй байгаа.

-Багш нарын ачаалал их байна гэсэн шүүмжлэл багагүй байдаг. Сургалтын хөтөлбөрийг өөрчлөх хүрээнд багш нарын ачаалал буурах уу?

-Багш нарын ачаалал буурч байгаа. Дээр хэлсэнчлэн сургалтын үйл ажиллагаанд баримтлах чиглэлд тусгагдсаны дагуу янз бүрийн ажилд дайчлагдах явдал багасна. Мөн багш нарын тэмдэглэж, хөтөлдөг журнал зэрэгт сайжруулалт хийсэн.

Нэг бичсэн консвектоо гурван удаа хуулдаг гэх мэт байдлуудыг өөрчилж байгаа. Энэ мэтчилэн ачааллыг нь бууруулж зөвхөн хичээлээ сайн заах боломжийг олгож байгаа юм. Хийх ажлынх нь 70-80 хувь нь хичээл заах, үлдсэнд нь л бичиг, цаасны ажлаа амжуулна. Өмнө нь 37 хувьд нь л багшлах ажлаа хийж, үлдсэнд нь элдэв ажилд дайчлагдах, бичиг цаасны ажил хийдэг болчихсон байсан.

Түүнчлэн гэрийн даалгаврыг стандартчилж өгч байгаа. Бага ангийн хүүхэд тодорхой, цаг минутад л гэрийн даалгавраа хийнэ гэх байдлаар. Багш нарын гэрийн даалгавар их өгдөг шалтгаан нь цагтаа багтаж хичээлээ зааж амждаггүйтэй холбоотой байна. Энэ нь хөтөлбөр шахуу байгаатай хамааралтай байдаг.

Хөтөлбөрийг нь сайжруулчихаар аяндаа цагтаа багтаж хичээлээ заадаг болчих нь. Тэр тохиолдолд хүүхдийг гэрийн даалгавраар шахаад байхгүй. Аливаа зүйлийг хүчээр зогсоохоос илүү углуургаар нь авч үзэхэд л ийм байгаа юм.

-Сурах бичгийн хүрэлцээг хэрхэн хангах вэ?

-Бид сурах бичгүүдээ хэвлэх ч зардалгүй байсан. Ямартаа ч Азийн хөгжлийн банктай хийсэн гэрээ, хэлэлцээрийн хүрээнд найман тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж чадсан. 1-5 дугаар ангийн төрөөс үнэгүй олгогддог сурах бичгүүд нь хэвлэгдээд орон нутагтаа хүрчихсэн. Дунд, ахлах ангийн эмзэг бүлгийнхээ хүүхдүүдийн сурах бичгийг ч хэвлээд хүргүүлчихлээ.

Одоо үлдсэн сурах бичгүүд ид хэвлэгдэж байна. Энэ жил сурах бичгүүд арслантай гүүрний ойр орчим зарагдахгүй. Учир нь сургуулиудад түрээсийн журмаар бүгд очно. Түрээсээр сурах бичгээ авчихаад дараа жил нь өгнө гэсэн үг шүү дээ. Харин түрээсийнхээ хөлсөөр сурах бичгүүдээ дахиж хэвлэх, шинэчлэх асуудлаа шийднэ.

-Тэгэхээр өнөө жил сурах бичгийн маргаан гарахгүй нь гэж ойлгож болох уу?

-Сурах бичгийн хүрэлцээ хангамж маш муу байсан. Энэ жил сурагчдыг сурах бичгээр бүрэн хангана. Дээрээс нь сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор багш нарын заах аргын номуудыг хэвлэж байна. Багш нарынхаа тоогоор хэвлээд өгчихөж байгаа учраас энд тэнд принтерлэсэн цаас тэврээд яваад байх явдал гарахгүй. Хүүхдүүд ч сурах бичигтэй, багш нар ч заах аргын номтой болно. Энэ мэтчилэн зохион байгуулалтынхаа ажлуудыг боломжийн хийчихлээ л гэж тооцоод байгаа.

-Монгол ёс, хүмүүжлийн хичээл орж эхлэхээр болжээ. Ач холбогдлын хувьд юу гэж үзэж байгаа вэ?

-Зургаан настай хүүхэд Иргэний боловсрол гэсэн хичээл үздэг. Зургаан настай хүүхэд иргэн гэж юу болох талаар мэдэх үү. Сурах бичгийнх нь агуулга нь хүртэл хүндэдчихсэн. Мөн нэг сэдвийг нэг л удаа үзэхээр оруулчихсан.

Хүнтэй мэндлэх тухай хүүхэд нэг л удаа үзээд өнгөрнө гэсэн үг. Харин Монгол ёс, хүмүүжлийн хичээлээр нэг сэдвийг хүүхдийн нас онцлогт нь тохируулаад гүнзгийрүүлээд заана. Нэгдүгээр ангид нь хүнтэй мэндлэх тухай л зааж байсан бол дараа нь ахмад хүнтэй хэрхэн мэндлэх үү гэх зэргээр ёс заншилтай нь холбоод, өргөн хүрээнд тайлбарлаад явах юм. Тавдугаар ангид ороод ирэхэд нь улс үндэстнүүдийн мэндчилгээг үзэхээр ч тусгасан.

1-5 дугаар ангид энэхүү Монгол ёс, хүмүүжлийн хичээл орно. 6-12 настайгаас нь Иргэний ёс зүйн боловсролын хичээл орох юм. Энэхүү хичээлийг заавал үзэх хичээлд оруулсан. Эрдэмтдийн баг ч ажиллалаа, ихээхэн холбогдол өгч байна.

-Сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын биелэлт ямар байгаа вэ. Хугацаандаа орж амжихааргүй сургууль, цэцэрлэг бий юү?

-Энэ жил түүхэндээ байгаагүй олон сургууль, цэцэрлэг ашиглалтад орж байна. Урьдчилан тооцооллоор 48 сургууль, 93 цэцэрлэг ашиглалтад орно. 21 мянган сурагчийн суудал нэмэгдэж байгаа. Цэцэрлэгийн хүүхдийн ор 13 мянгаар нэмэгдэж байна гэсэн үг. Үүнээс өмнө 2015 онд л хамгийн их буюу 24 сургууль, 58 цэцэрлэг ашиглалтад орж байсан юм билээ. Энэ жилийн хувьд маш том бүтээн байгуулалт хийгдсэн.

Гэхдээ нэг зүйлийг онцлоход нийт хүүхдүүдийн тоо нэмэгдсэн. Өнгөрсөн жил 595 мянган ерөнхий боловсролын сурагчтай байсан. Энэ жил 644 мянган сурагчтай байна. 20 мянгаар суудал нэмэгдсэн ч сурагчдын тоо 50 мянгаар нэмэгдчихэж байгаа юм. Дараа жил дахиад ч нэмэгдэж таарна. Дээрээс нь цэцэрлэгийн хүүхдийн тоо өнгөрсөн жилийнхээс 10 мянгаар нэмэгдсэн.

Монголын үрс олон болж байна л даа. Миний хувьд бэлгэшээж баярлаж байгаа. Яах вэ хүндрэлтэй асуудлууд гарна. Гэсэн ч хөрөнгө оруулалтаа нэмээд явахаас өөр аргагүй. Харьцангуй энэ жил өнгөрсөн жилүүдийг бодоход хувь гүйцэтгэл муугүй байлаа. Барилгын ажлуудаа сайтар явуулахын тулд хавраас эхлээд компаниудтай тулж ажиллалаа.

Яамныхаа бүх хүн хүчээ энэ ажил руу дайчилсны хүчинд урагштай байлаа. Хамгийн сүүлийн үзүүлэлтээр хөрөнгө оруулалтын гүйцэтгэл орон нутагт 75, хотод 66, улсын дундаж үзүүлэлт 71 хувьтай байна. Гаднах барилгын ажил хоёр cap үргэлжлэхээр байгаа.

-Арваннэгдүгээр cap гэхэд сургууль, цэцэрлэгүүдээ бүрэн хүлээгээд авчих нь гэсэн үг үү?

-Ядаж л 80, 90 хувьд хүрчихнэ. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад том үзүүлэлт л дээ.

-644 мянган сурагч бүрийнхээ эцэг, эхтэй нь гэрээ байгуулна гэж мэдээлж байсан. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Энэ мөн л анх удаагаа хийгдэж байгаа зүйл. Хувийн сургуулиуд гэрээ байгуулдаг гэдгийг та бүхэн мэднэ байх. Бидний зүгээс гэрээний маш сайн үлгэрчилсэн загварыг баталсан.

Гэхдээ аймаг, сургууль бүр өөр, өөрсдийнхөө онцлогт тохируулаад нэмэлт хийж болох юм. Одоогоор гэрээнд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж, хичээлийн бус цагаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг бүрэн хариуцах үүрэгтэй гэх зэргээр тусгаад байна. Мөн 10 хүртэлх насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүргийг тусгасан.

Хүүхдийн эрх, хамгааллын асуудлууд дандаа хичээлийн бус цагаар гардаг. Олон нийтийн газар, эсвэл гэртээ эзгүй орхигдсоноос үүдэн эрх нь зөрчигдөж, хохирч байдаг. Эдгээрээс үүдэн эцэг, эхтэй гэрээ байгуулахаар болсон.

Нэгэнт гэрээ байгуулчихсан учраас үүргээ биелүүлэхийг шахна, шаардана, хариуцлагажуулна. Хүүхдийнх нь төлөө гэсэн ийм гэрээг байгуулахгүй гэх эцэг, эх байхгүй байлгүй дээ.

-Сургуулийн өмнөх боловсролд 20 гаруй мянган хүүхэд хамрагдаж чадаагүй гэх мэдээлэл байна. Яамны зүгээс үүнд ямар бодлого баримталж ажиллахаар байгаа вэ?

-Цэцэрлэгийн хүртээмж манайд 80-аад хувьтай байдаг юм. Орон нутагт харьцангуй сайн, нийслэлд яалт ч үгүй хүүхдүүд үлддэг. 10 гаруй байршилд түрээсийн цэцэрлэг ажиллана.

Цөөнгүй байгууллага байгууллагын цэцэрлэг ажиллуулах гэж байна. Энэ мэтчилэн бүх боломжуудыг дайчилж байна. Засгийн газраас анх удаа цэцэрлэгийг түрээсэлж болно, түрээсээр цэцэрлэг ажиллуулж болно гээд тогтоол гаргачихсан.

Энэ хүрээнд байраа цэцэрлэгийн зориулалтаар түрээсэлье, эсвэл түрээсээр цэцэрлэг ажиллуулъя гэсэн хүсэлтүүд яаманд ирж байгаа.

-Их, дээд сургуулиуд дээр ямар өөрчлөлтүүд хийгдэж байна вэ?

-Их, дээд сургуулиуд »дээр нэгтгэх бодлого барина. 200 гаруй их, дээд сургууль байснаас 90 гаруй нь үлдсэн байсан. Би нэлээд хэдийг цуцалсан. Зарим сургууль хоорондоо нэгдсэн. Ер нь энэ янзаараа яваад байвал Монголын их, дээд сургуулиуд хаана ч хүлээн зөвшөөрөгдөхгүй. Дэлхийн түвшинд хүргэж, ядаж ганцыг нь ч болов топ 1,000 руу хэрхэн оруулж ирэх вэ гэдгийг бодох ёстой байгаа юм.

Одоо дэлхийд 3,000 хэдэн зууд л эрэмбэлэгдэж байна. Үүнийг ахиулахын тулд яалт ч үгүй томрох, сургуулиуд нэгдэх, хөтөлбөрийн давхцалыг арилгах хэрэгтэй. Их, дээд сургуулийн 700 гаруй хөтөлбөр бий. Тэрний 390-ээд нь буюу талаас илүү нь давхцаж байгаа.

Тухайлбал, Хөдөө аж ахуйн их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн сургууль, МУИС гээд энэ төрийн өмчит сургуулиуд бүгдээрээ бизнес, эдийн сургуультай. Гурвуулаа яг ижил хөтөлбөрөөр зааж байгаа. Бүгд ижилхэн санхүүч, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгсгөдөг. Үүний учир нь бизнес болгочихсонтой холбоотой.

Угтаа төрийн өмчит сургуулиуд нэг л эдийн засгийн, хуулийн, гадаад хэлний сургуультай байх ёстой. Ер нь бол дэлхийн хэмжээний топ сургуулиудын оюутны дундаж тоо 40-80 мянга байна. Дээрээс нь нэг сургууль бүх төрлийн салбар, сургуультай байгаа юм. Тиймээс яваандаа төрийн өмчийн их, дээд сургууль нэгдэж, бүтэц зохион байгуулалтаа сайжруулж байж л дэлхийн түвшинд өрсөлдөх хэмжээд хүрнэ.

Тэгж байж профессоруудын баг нь утгаараа ажиллана, багш нарынх нь цалин хөлс, сургуулийн үнэлэмж, суралцагчдын сэтгэл ханамжийн баталгаа нэмэгдэнэ, хариуцлагажина. Нэгдсэн удирдлага тогтолцоотой учир зардлын үр ашиггүй байдал, буурна Одоо Монголын төрийн өмчийн их, дээд сургуулийн нэг оюутанд захиргааны юм уу, үйлчилгээний нэг ажилтан оногдож байна.

Нэг оюутан нэг захиргаа, эсвэл үйлчилгээний ажилтныг тэжээж байна гэсэн үг. Өндөр хөгжилтэй орнуудад 1:3 байдаг.

-Энэ жил их, дээд сургуулийн сургалтын төлбөр 10 гаруй хувиар нэмэгдсэн байсан. Яамны зүгээс үүнийг хэрхэн анхаарч байгаа вэ?

-Сургалтын төлбөр нэмэгдэж байгаа шалтгаанаа инфляц, элсэлт бага авсантай холбож тайлбарлаж байгаа. Энэ жил өмнөх жилүүдээс 50-60 хувиар бага элсэлт авлаа. МУИС, ШУТИС 5,000 орчим элсэгч авдаг байсан бол 2,000 гаруйг л авсан байна. Жилийн жилд 30 орчим мянган хүүхэд элсдэг юм. Энэ жил 10 гаруй мянган хүүхэд л элслээ.

Энэ нь манай төрийн ч бай, хувийн ч бай их, дээд сургуулиудад маш том сорилт болно. Учир нь энэ сургуулиуд сургалтын төлбөр дээр амьдраад байгаа юм. Цаашдаа чанаржаад, нэгтгэгдээд, гадна, дотны төсөл хөтөлбөрүүдээс санхүүжилт авдаг болох хэрэгтэй байна.

-Таван их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Цаашид эрхийг нь цуцлах сургуулиуд бий юу?

-Энэ жил эрх зүй, бизнесийн удирдлага, эрүүл мэнд, багшийн хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг дээд сургуулиудад аттестатчилал явууллаа. Төрийн, хувийн гэлтгүй маш чанаргүй үзүүлэлт үзүүлж байна. Учир нь ийм аттестатчилал хэзээ ч хийж байгаагүй. Энэ аттестатчилал цаашид тогтмолжино.

-Боловсролын зээлийн сангаас зээл авч сургуулиа төгссөн 13 мянган иргэний дипломыг чөлөөлөх журмыг өргөн барьсан. Үүнтэй холбоотой шүүмжлэлүүд их гарч байна. Та үүнд тайлбар өгөөч?

-Боловсролын зээлийн сангийн зорилго нь амьжиргааны баталгаажих түвшингээр доогуур орлоготой, өнчин, хагас өнчин, сурлага сайтай хүүхдүүдийг мэргэжилтэй болох боломжийг олгох юм. Төр тэдэнд тусалж байгаа хэрэг. Сан учраас гэрээ байгуулдаг.

Эхний хэдэн семестр онц сурвал, эсвэл төгсөөд яг энэ мэргэжлээрээ улсад таван жил ажиллаж, нийгмийн даатгал төлбөл сургалтын төлбөрөөс чинь чөлөөлнө гэдэг. Энэ мэтчилэн гэрээнийхээ нөхцөлийг биелүүлчих юм бол төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой. Энэ гэрээний үүргүүдийг биелүүлсэн хэр нь чөлөөлөгдөөгүй 2008-2016 оны төгсөгчид байсан. Тэд нийлээд 13 мянгад хүрсэн хэрэг.

Тэд бүгдээрээ дотоодын их, дээд сургуулиудыг төгссөн юм. Хүмүүсийн хардаад байгаачлан гадаадад төгсөөд ирсэн дарга, цэргийн хүүхэд хамрагдах нь гэсэн ойлголт байхгүй. Өмнө нь салбарын сайд нь Засгийн газраар оруулаад чөлөөлүүлдэг байсан.

Харин 2012 онд гарсан Дээд боловсролын байгууллагад суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн дагуу зээлийн сангаас чөлөөлөх асуудлыг УИХ-аас баталсан журмаар шийддэг болсон. Тэр журмаа яагаад ч юм үе үеийн сайд нар оруулаагүй юм билээ л дээ. Одоо бид бэлдсэн журмаа УИХ-д оруулах гээд хүлээж байна.

Тэгвэл 13 мянган залуу дипломоо эх хувиар нь авна гэсэн үг.

-Соёлын тухай хуулийг өргөн барьсан. Энэ хуулиар ямар гол зохицуулалтуудыг хийх вэ?

-Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг сая өргөн барилаа. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг илүүтэй дэмжсэн. Соёлын байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч эдийн засаг, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагуудыг уран бүтээл туурвих, түүнээс олсон нийт орлого нь санхүүжилтийн гол эх үүсвэр болгох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн. Намрын чуулганаар хэлэлцээд явах байх.

-Соёлын нийт долоон бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөжээ. Хэдийд хүлээж авна гэж тооцоолж байгаа вэ?

-Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих юм. Барилга, байшинтай холбоотой шүүхийн маргаанууд байгаа. Шүүхийн үйл явц нь дуусаж, тодорхой шийдвэрүүд гарчихвал намраас тендер нь зарлагдаад, гүйцэтгэгч зэрэг нь тодроод ажил эхлэх боломжтой. Байгалийн түүхийн музейний оронд Чингис хааны музей барина. Түүний зураг төсөл нь бэлэн бий.

Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулчихвал намраас ажлыг нь эхлүүлэх бодолтой байна. Үлэг гүрвэлийн музей, Байгалийн музей хоёрыг нэгтгэсэн. Цаашдаа ч хамтад нь байлгана. Угтаа олон улсын жишигт ч нэг дороо байдаг.

Нөгөө талаараа манай Байгалийн музейн 90 мянган үзвэр зургаа дахь жилдээ агуулахад хадгалагдаж байна. Түүнийг шинээр музейтэй болтол олон нийтэд үзүүлж, нар, салхи үзүүлэх хэрэгтэй байна шүү дээ. Тийм байтал үүн дээр улс төр хийгээд л байгаа юм. Ийм явган улс төр хэрэггүй гэж өмнө нь сайд байсан хүмүүст хэлчихмээр байна. Тэгээд ч Үлэг гүрвэлийн музейн дотор хөрөнгийн маргаантай асуудал байгаа.

Тэрийгээ шийдчих юм бол энэ өвөл хүүхдүүддээ энэ үзмэрүүдээ үзүүлчих боломжтой болно. Дээрээс нь Үндэсний номын сан баригдаж байна. Төсөв нь дутуу байгаа. Компанийг нь шахаж ажиллаж байна. Ирэх хавар ашиглалтад оруулахаар хичээж байна. Үндэсний урлагийн их театр байгуулахаар зураГ^өслийг нь хүлээж байна. Зураг төсөл бэлэн болчихвол төсөвт сууна.

-Гадныхан хуучны барилгуудаа ор мөргүй устгах бус ядаж нүүрэн хэсгийг нь урьдын хэвээр авч үлддэг юм билээ.

-Дуурь болон Драмын театр, Үндэсний номын сан гэсэн энэ гурван түүхэн барилгыг яг одоогийнхтой нь ижил хэлбэр, өнгө зүсээр барина. Гол нь шинээр барина. Яаж ч бэхжүүлж, хүчитгэх гээд боломж муутай.

Бид эдгээрийг л Европын сонгодог архитектураар, байгалийн чулуугаар хийгдчихсэн, мянган жилийн настай барилгуудтай жишээд байгаа юм. Дээрээс нь байгаль цаг уурын маш тааламжтай нөхцөлд байдаг барилгууд юм. Манайх шиг -40, +40 хэм хүрээд байдаггүй шүү дээ. Мэргэжлийнх нь архитектурууд ч нүүрэн хэсгийг нь авч үлдэх тухай ярьж байсан Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт болоод бусад нөхцөл байдлыг харгалзан үзээд ойлгож байгаа байх.

-Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн бүтцийг өөрчлөхөөр болжээ. Хэрхэн өөрчлөх вэ. Ер нь энэхүү гол салбартаа хэр анхаарал хандуулж байгаа вэ?

-Бүтцийг нь өөрчлөх тогтоол гарчихсан. 2015 оны Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед зардал хэмнэнэ гэх нэрийдлээр хүрээлэнгүүдийг нэгтгэж, цомхотгосон. Зарим хүрээлэнгүүдийн байрыг өөр байгууллага руу шилжүүлж, Батоник хүрээлэнгийн газрыг нь компани аж ахуй руу шилжүүлсэн явдал гарсан. Нэгтгэж байгаа нэрийдлээр байгууллагын өмч хөрөнгөд л халдсан юм. Үүнийг л бид зассан.

Ирэх сарын 27-нд шинжлэх ухааны ажилтны улсын зөвлөгөөн хийнэ. Ерөнхий сайд эрдэмтэдтэй уулзана. Эрдэмтдийн улсын зөвлөгөөнийг хийгээгүй маш олон жил болж^Ь. Үүгээр манай эрдэмтэд дуу хоолойгоо өргөн барих байх. Мөн Ерөнхий сайдын санаачилгаар хүрээлэнгүүдийн нэгдсэн байр, лаборатори цогцоор нь барья гэж ярьж байгаа.

-Допингтой холбоотой тусгай төсөв гаргасан гэсэн. Энэ яг ямар үйл ажиллагаа зохион байгуулахад зарцуулагдана гэсэн үг вэ?

-Биеийн тамир, спортын газар дээр байдаг допингийн төсөв нь олон улсын тэмцээн уралдаанд оролцож байгаа манай их спортын тамирчдын допингийн шинжилгээ өгөх л зардал байдаг.

Үндэсний баяр наадамтай холбоотой допингийн шинжилгээний төсөв нь Үндэсний баяр наадам зохион байгуулах хороо буюу Шадар сайдын ахалдаг ажлын хэсэг дээр явдаг. Тиймээс манай яаманд үүнтэй холбоотой ямар ч зохицуулалт байдаггүй. Ямартаа ч ирэх даваа гаригт (өнөөдөр) Шадар сайдын дэргэдэх Үндэсний баяр наадмын комисс хуралдахаар болсон байна лээ.

Бодвол баяр наадамтай холбоотой допингийн асуудлыг ярих байх. Ер нь цаашдаа энэ асуудлыг хаана хянах эсэхийг ярих хэрэгтэй. Дээрээс нь манай бөхчүүд өөрсдөө хариуцлагатай байх ёстой. Юу хэрэглэвэл допинг болох вэ гэдгийг бүгдээрээ л мэддэг, мэдээллүүд нь ч байдаг юм билээ шүү дээ. Олон түмнийг хуурч болохгүй.

Хаана, хаанаа л хариуцлагатай байх хэрэгтэй байгаа юм. Гэхдээ энэ жилийн тухайд ямар асуудал гарсныг нарийн мэдэхгүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Ажил, хичээлдээ марш

Найман сар суниаж,
намрын шар нар шардаг
байсан цаг ард хоцорчээ.
Есдүгээр сар гарав уу үгүй
юу хүйтэрч, цас орно гэх
мэдээ чих дэлсэж байна. Их
цас унасан нутгуудад олон
жилийн дунджаас ч хүйтэн
байх гэнэ. Ургац хураалт,
хадлан тэжээлийн ажлыг аль
болох эрт, богино хугацаанд
хийх нь чухал гэдгийг
холбогдох байгууллагуудаас
ч анхааруулаад эхэллээ. Бид
Ажил, хичээлдээ марш
үүнийг онцгойлон анхаарч
үзэхээс ч аар аргагүй.
Намар болсныг илтгэх шиг
хүүхэд, залуучууд ч хичээл
сургуульдаа орох цаг болж.
Энэ мэтчилэнгээр ажил
ид өрнөх нь байна. Иймд
бултаараа амралт, зугаалга,
назгай байдлаасаа хөндийрч,
ажил, хичээл, завгүй өдрүүддээ марш.
Зөвхөн өвөлжилт, хичээл,
сургууль гэлтгүй анхаарал
хандуулах нэгэн чухал зүйл
ч биднийг хүлээж байна.
Монгол Улс эцэг хуульдаа
нэмэлт, өөрчлөлт оруулах
гэж буй түүхэн цаг хугацаа энэ
үед тохиож байна. Энэ чухал
үйл явцыг бид анхааралтай
ажиглах учиртай. Найр,
наадам хэсэж ээ явахад тань
ардчилсан нийгэмээ бататган
цааш алхах эсэх яриа өрнөж,
шийдвэр гарахад тун дөхөөд
байгааг уужуу монгол хүн та
нэг анзаарах нь зөв биз ээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Үүрцайх: Үндсэн хуулийн өөрчлөлтөд улс төрийн тохиролцоо, наймааны байдлаар хандаж болохгүй

Үндсэн хуулийн эрх зүй
судлаач Д.Үүрцайхтай
Үндсэн хуулийн нэмэлт,
өөрчлөлтийн талаар
ярилцлаа.

-Үндсэн хуулийн нэмэлт,
өөрчлөлтийн төслийн эхний
хэлэлцүүлгийг хийгээд
байна. Бид энэ удаагийн
нэмэлт, өөрчлөлтийг
хийснээр нэг алхам
урагшилж чадах уу?

-1992 оны Үндсэн хууль
түүхэн үүргээ гүйцэтгэж
чадсан. Хүний эрх, эрх
чөлөөг хангах хүрээнд сайн
хууль болж чадсан гэж
үзэж болно. Харин Үндсэн
хуульд төрийн эрх мэдлийн
хуваарилалт буюу эрх зүйт
төрийн суурь зохицуулалт
учир дутагдалтай байгаа.
Үүнээс болж манай улсын
хөгжлийн урт хугацааны
бодлого алдагдах, Засгийн
газар тогтворгүй байх, шүүх
бие даасан байдлаа алдах
нөхцөл байдал руу орсон.
Энэ ч шүүмжлэлийн хүрээнд
Үндсэн хуулийг өөрчлөх
санал санаачилга удаа
дараа гарсан. Энэ нөхцөл
байдал 2000 оны нэмэлт,
өөрчлөлтийг эс тооцвол огт
өөрчлөгдөөгүй явсаар ирсэн.
Өнөөдрийн тухайд Үндсэн
хуулийг өөрчлөх нөхцөл бүрдчихээд байна. УИХ-д
МАН дийлэнх олонхын суудал
авсан. Нэг нам олонх болсон
энэ үед бид Үндсэн хуулиа
өөрчилж, төрийн эрх мэдлийн
хуваарилалтын доголдолтой
зохицуулалтуудаа
сайжруулах боломж байгаа.
Гэхдээ Үндсэн хууль бол
Монголын нийгмийн суурь
баримт бичиг, Монголын
ард түмний гэрээ учраас бид
нэмэлт, өөрчлөлт хийхдээ
долоо хэмжиж, нэг огтлох
зарчмаар хандах ёстой.
Харамсалтай нь яг одоо болж
байгаа үйл явц үүний эсрэг
болчихлоо.
Хувь судлаачийн зүгээс
Д.Лүндээжанцан гишүүнээр
ахлуулсан 62 гишүүний
өргөн барьсан төслийг
парламентын ардчиллыг
бэхжүүлэх, Монгол Улсад
шүүхийн бие даасан байдлыг
хангах чиглэлд дэвшил
болох заалтуудтай төсөл
болсон гэж харж байгаа.
Гэтэл ажлын хэсгийнхний
болон эрдэмтэн судлаачдын
олон жилийн судалгаанд
үндэслэж гаргасан энэ төсөл
өнөөдөр эвдэгдэх байдал
руу орчихоод байгаад тун их
харамсаж байна.

-Ерөнхийлөгч өргөн
барьсан Үндсэн хуулийн
нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналд та ямар
байр суурьтай байгаа
вэ. Шүүх засаглалын
хараат бус байдлыг
хангах чиглэлд дорвитой
өөрчлөлт тусгаагүй хэрнээ
Үндсэн хуулийн нэмэлт,
өөрчлөлтөд оруулах нь гэх
шүүмжлэлүүд ч байх шиг.

-Ерөнхийлөгчийн өргөн
барьсан Үндсэн хуулийн
нэмэлт, өөрчлөлтийн төсөл,
санал миний хувьд маш учир
дутагдалтай санагдаж байгаа.
Хэдийгээр дотор нь хэрэгтэй
санаанууд байгаа боловч
шүүх эрх мэдлийг өөрийн
эрх мэдэлд байлгах гэсэн тэр
санаагаа гүйцэлдүүлэхийн
тулд хийж буй өнгөлөн
далдлалт гэж хэлж болохоор
байна. Тэр далд санааг нь
“чулуу” гэвэл тэр чулуугаа
боосон “өөх” нь УИХ-ын
гишүүдийн тоог 108 болгох,
сонгуулийн тогтолцоонд
пропорциональ элемент
оруулах зэрэг дэвшилттэй
санаанууд ю м . Ингэж
Монголын төр төлөвших,
дэвших үйл явц руу “чулуу”
шидэх хэрэг байна уу, үгүй
юү гэдэгт бид шүүмжлэлтэй
хандах ёстой. Эцэстээ Ерөнхийлөгчийн
гаргасан төсөл, саналын цаана
шүүх эрх мэдлийг дураараа
хөдөлгөдөг, төрийн тэргүүнд
Үндсэн хууль болон бусад
хуулиар олгогдсон шүүх эрх
мэдэлд нөлөөлөх нөлөөллийг
хадгалах гэсэн ийм л үндсэн
зорилго байна гэж ойлгож
байна. Ерөнхийлөгчид
Үндсэн хууль өөрчлөгдөхгүй,
одоогийнхоороо байх нь
магадгүй ашигтай байгаа
байх.
Нэгэнт олон нийтийн
хэлэлцүүлэг явуулаад,
эрдэмтэн, судлаачид
нь оролцоод, нийгэмд
нэгдсэн зөвшилцөл
үүсгээд, харьцангуй
дэвшилттэйгээр
боловсрогдоод орж ирж
байгаа төслийн дундуур
ийм санал оруулж ирж
байгаа нь Үндсэн хуулийн
нэмэлт, өөрчлөлтийг гацаах,
өөрчлүүлэхгүй байх гэсэн
далд санаатай байх вий гэж
хардаж байна.


– Энэ удаад Үндсэн
хуулийн нэмэлт,
өөрчлөлтийг хийвэл
холбогдох хууль дүрэм
болон улс төрийн нам
дийлэнх олонх суудал авах
эсэхээс хамаарч ойрын 10
гаруй жилдээ дахин хөндөх
боломжгүй. Ийм байхад
Үндсэн хуульдаа хувийн
эрх ашгаар хандах нь хэр
зөв юм бэ?

– Тэр ч утгаараа
Ерөнхийлөгчийн өргөн
барьсан төсөл, саналыг
маш шүүмжлэлтэй харж
байна. Ерөнхийлөгч хүн бол
Монголын ард түмний эв
нэгдлийг илэрхийлэгч. Ард
түмнээс сонгогдсон түүний
хувьд Монгол төрийн төлөө
зүтгэх сэтгэлтэй, төрийн
зүтгэлтэн хүн байх ёстой. Ийм
ч хүнийг Монголын ард түмэн
сонгосон байх гэж бодож
байгаа. Гэтэл Үндсэн хуульт
ёсоо бэхжүүлэх, төрийн эрх
мэдлийн хуваарилалтыг
зөв чиглэлд хөгжүүлэх,
парламентын ардчиллыг
бэхжүүлэх энэ дэвшилтэй
төслийн дундуур “төсөл,
санал” гэх зүйл оруулж ирж
байгаа юм. УИХ-ын гишүүд 60
тэрбум, ЖДҮ гэх мэтчилэн янз
бүрээр барьцаалагдсан байх
магадлалтай байна. Магадгүй
хууль сахиулах, шүүх эрх
мэдлийн байгууллагуудыг
дээр дурдсан эрх мэдлийн
нөлөөлөө ашиглан гэнэт
идэвхитэй хөдөлгөөнд
оруулж байгаад “зөвшилцөх”
байдлаар өөрийнхөө саналыг
тулгаж Үндсэн хуулийн
нэмэлт, өөрчлөлтийн үйл
явцыг гацааж байгаа бол
энэ нь төрийн зүтгэлтний
гаргах авир яавч биш.
Тиймээс Ерөнхийлөгчийн
болон Ерөнхийлөгчийн
Тамгын газрын явуулж
байгаа энэ улс төрийн үйл
ажиллагаанд миний хувьд
маш шүүмжлэлтэй хандаж
байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт,
өөрчлөлтийн төсөл д
Шүүхийн ерөнхий зөвлөл,
Шүүгчийн хариуцлагын зөвлөл байгуулахаар
тусгагдсан. Харин
Ерөнхийлөгч Шүүхийн
сахилгын хороог байгуулна
гэж оруулж ирсэн. Мөн
Шүүхийн сахилгын хорооны
үйл ажиллагааг хуулиар
тогтооно гэж тусгасан
байгаа нь ямар учиртай
юм бэ?

-УИХ-ын гишүүдийн өргөн
барьсан төсөлд Шүүхийн
хариуцлагын зөвлөл гэсэн
Үндсэн хуулийн шинэ
байгууллага үүсгэхээр
тусгасан байсан. Шүүгчдэд
хариуцлага тооцдог асуудлыг
нь шүүхийн захиргаа буюу
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс
салгаж, тусдаа байгууллагаар
шийдэх нь зүйтэй гэж үзсэн
хэрэг. Харин тус байгууллагыг
бүрдүүлэхдээ харьцангуй
хөндлөнгийн, бие даасан
бүрэлдэхүүнээр бүрдүүлье
гэдэг санал гаргасан юм
билээ. Ерөнхийлөгчийн зүгээс
ч гэсэн Шүүхийн сахилгын
хороо гэсэн шинэ байгууллага
үүсгээд үүгээрээ дамжуулаад
хариуцлагын асуудлыг
шийдье гэсэн санал гаргасан.
Энэ үндсэн үзэл санаа дээрээ
аль аль нь адилхан. Гэвч
төслүүдийг судлаад үзэхэд
Ерөнхийлөгчийн санал шүүх
засаглалыг буцаад өөрөөсөө
хараат болгох, илүү улс
төрийн нөлөөтэй болгох, ийм
байдалтай санал байгаа юм.
Мөн гишүүдийн төсөлд
байх Шүүхийн хариуцлагын
хороо гэсэн шинэ байгууллагыг
байгуулах шаардлага байна
уу гэдэгт би эргэлзэж байгаа.
Үндсэн үзэл баримтлал нь
буюу шүүхийн захиргаанаас
шүүгчид хариуцлага
тооцдог байгууллагыг тусад
нь байгуулъя гэдэг үзэл
баримтлалыг бол дэмжиж
байгаа. Харин тусдаа
байгууллага байх байлаа ч
бүрэлдэхүүн нь ийм байх нь
зөв үү гэдгийг сайтар судалж
хэлэлцэх хэрэгтэй.

– Үндсэн хуулийн
зөвшилцлийн ажлын
хэсгээс Үндсэн хуулийн
Цэцтэй холбоотой
заалтыг хассан. Ө ө р
ямар зохицуулалтуудыг
өөрчилсөн бол?

-Ерөнхийлөгч шүүх эрх
мэдлийн шинэчлэлтэй
холбоотой заалтуудыг Үндсэн
хуулийн нэмэлт, өөрчлөлтийн
төслөөс хасах санал гаргасан.
Харин Зөвшилцлийн ажлын
хэсэг цэвэр улс төрийн
наймааны арга замаар
энэ саналыг нь хүлээгээд
авчихсан байна. Энэ бол тун
харамсалтай, маш хортой
нөхцөл байдал үүсгэчихээд
байна. Миний бодлоор
болдог бол шүүх эрх мэдлийн
шинэчлэлтэй холбоотой УИХ-
ын гишүүдийн өргөн барьсан
төслийн заалтыг чуулганы
хуралдаанаар оруулж,
хэлэлцээд явах нь зүйтэй.
Үндсэн хуулийн Цэцийг
улс төрийн нөлөөнөөс салгах
зохицуулалтыг төсөлд мөн
тусгасан байсан. Үүн дээр
Ерөнхийлөгч санал гаргаагүй
байхад зөвшилцлийн гэх ажлыг
хэсэг хассан байна. Одоо
хүчин төгөлдөр мөрдөгдөж
байгаа зохицуулалтаар
Үндсэн хуулийн Цэцийн
бүрэлдэхүүнийг бүрдүүлэхэд
гаргадаг гол алдаа нь улс
төрийн болон хууль зүйн
өндөр мэргэшилтэй гэх
томьёолол. Үүнээс үүдэн
огцорсон улс төрчид
Цэцэд очдог, эргээд нам,
бүлэглэлийнхээ эрх ашгийг
хамгаалсан байж болзошгүй
эргэлзээтэй шийдвэр гаргаж,
Үндсэн хуулийг мугуйдлан
буруугаар тайлбарладаг.
Үүний үр дагаварт Монгол
Улсад Үндсэн хуулийн,
төрийн эрх мэдлийн хямрал
үүсдэг. Энэ нөхцөл байдлыг
арилгахуйц зохицуулалт
буюу Үндсэн хуулийн Цэцэд
хуульчид, тэр дундаа олон
жилийн туршлагатай, мэдлэг,
чадвартай шилдэг хуульчид
орж ажиллах өөрчлөлтийн
төслийн заалт байсныг
хассан нь маш харамсалтай.
Энэ бол УИХ-ын гишүүд мөн
л наймааны байдлаар улс
орныхоо төлөө бус сэтгэлээр
хандаж байгаагийн баталгаа.
Тэгэхээр ард түмэн ялангуяа
монголын сэхээтнүүд, эх
орныхоо ирээдүйд санаа зовж
явдаг хүн бүр дуу хоолойгоо
гаргаж, энэ шийдвэрийн эсрэг
хүчтэй тэмцэх ёстой.

-Одоо чуулганы нэгдсэн
хуралдаанаар хэрхэхийг л
харах үлдэж байх шиг?

-Үндсэн хуулийн нэмэлт,
өөрчлөлтийг хэлэлцэх
чуулганы хоёрдугаар
хэлэлцүүлэг явж байх үед
Ерөнхийлөгчийн санал гарч
ирж, зөвшилцлийн гэх ажлын
хэсэг байгуулсан. Үүний
дараа зөвшилцлийн ажлын
хэсгийн гаргасан томьёоллыг
МАН-ын бүлэг хэлэлцэж,
зөвшилцөж чадахгүй гацсан
байдалтай байна. Одоо
энэ үйл явцыг түргэтгэж
анхны төслийг хэлэлцэн,
цааш явуулах хэрэгтэй.
Үгүй бол гишүүдийн өргөн
барьсан төсөлд тусгагдаагүй,
хөндөгдөөгүй Үндсэн хуулийн
зүйл заалтыг өөрчлөх, Үндсэн
хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах журмын тухай хуульд
төдий л нийцэхгүй энэ үйл
явц үргэлжлэх гээд байна.
УИХ-ын гишүүд эх орныхоо
ирээдүй, ардчиллынхаа төлөө
анх өргөн барьсан төслийнхөө
хүрээнд хэлэлцүүлгээ явуулж,
батлах шаардлагатай байна.
Дундуур нь орж ирсэн
саналуудыг анхаарч үзэх үү
гэдэг нь УИХ-ын бүрэн эрхийн
л асуудал.
Тэр байтугай УИХ-ын
гишүүдийн өргөн барьсан
төсөлд тусгагдаагүй зүйлийг
хөндөж, санал гаргасан
асуудал байсан. Энэ
мэтчилэн нөхцөл байдлыг
улам хүндрүүлээд байх юм
бол Үндсэн хуулийн нэмэлт,
өөрчлөлт батлагдахгүй байх
магадлалтай. Тиймээс олон
нийтийн зүгээс энэ асуудалд
анхаарлаа хандуулж,
шахаасай гэж хүсмээр байгаа
юм. Гишүүдийн өргөн барьсан
төсөл Төрийн байгуулалтын
байнгын хороогоор
хэлэлцэгдэхдээ зарим талаар
улам чамбайрсан гэдгийг
энд хэлэх нь зүйтэй байх.
Ерөнхийдөө тус төсөлд төрийн
эрх мэдлийн хуваарилалтыг
сайтар тусгаж, харилцан
хяналт тэнцэлтэй байх
зарчмыг хангасан агуулгыг
тусгаж, удаан хугацааны асар
их судалгааны үр дүнгүүдэд
үндэслэн боловсруулсан
харагдаж байгаа. Гэтэл
улстөрчид зөвхөн улс төрийн
тохиролцоо, наймааны
байдлаар, эрх ашгийн буруу
эрэмбээр хандаж, гэнэт
өөрчилж, тэс өөр томьёолол,
агуулгатайгаар оруулж
ирж болохгүй. Ийм шинэ,
үндэслэл муутай томьёоллыг
олон нийтийн болон эрдэмтэн
судлаачдын хэлэлцүүлэгт
оруулахгүйгээр батлаад
явах юм бол энэ нь Монгол
Улсыг хорлоно уу гэхээс дэм
болохгүй.