Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын популист улстөрчдөд барууныхан хориг тавьж эхэллээ

Монгол Улс саарал жагсаалтад орлоо. Саарал жагсаалт бол популистуудад тавьж байгаа барууны хориг мөн. Яг үнэндээ жалгын мухарт захиргаагүй хэдэн хүн дураараа хулгай хийж, дарангуйлал тогтоох гэж оролдсоноос үүдэлтэй. Ард түмнээ дарлах гэсэн тэдний шунал хүслээс эхтэй. Саарал жагсаалт нь Монголын популист улстөрчдөд барууны ертөнц буюу соёлт хүн төрөлхтнөөс өгч буй сануулга гэдэг нь гарцаагүй. Монголын популистууд бидний мөнгөөр сонгуульд ялалт байгуулах вий гэж болгоомжилсондоо хийж буй ажил.

Уг нь энэ үе ОУВС-гийн хөтөлбөрийн нэгдүгээр шат дуусч, хоёрдугаар шат эхлэх хариуцлагатай мөч байв. Яг энэ эгзэгтэй үед барууныхан манай поп дарга нарыг хараад болгоомжлоотохлоо. Монголын шинэ үеийн түүх буюу ардчиллын 30 жилд Монгол Улсын удирдагчид ингэж попорч байсан түүх үгүй л дээ. Тэд юу ярьж попорч байсныг бид мэдэж байгаа. “30 гэр бүлийн хувийн хөрөнгийг хураана” гэсэн. Хувийн үйлдвэр, аж ахуй, уурхайг хурааж цээжээ дэлдсэн. “Хураасан мөнгөө ард түмэндээ, та нартаа хувааж өгнө” гэж манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэргүүтэй төрийн түшээдээс эхлээд ярих болсон. Нэг ёсондоо барууныхны, орчин үеийн хүн төрөлхтний ололт амжилтын эсрэг зүйлийг ярьцгаасан гэсэн үг. Гэтэл үүнд нь ард түмэн итгэж, уухайлан дэмжин, алга ташиж эхэлсэн нь халагламаар.

Барууныхан болгоомжилж байна. Тэд тэнэг хүмүүс биш. Хэрвээ энэ попууд мөнгөтэй бол сонгуульд ялна. Сонгуульд ялчихвал Монголын ардчилал алга болно гэж тэд үзжээ. Олон улсын үгэнд ордоггүй, дураараа дургидаг орон яаж баларч байгааг сод жишээ болсон Венесуэль, Хойд солонгос зэрэг орнуудаас харж болно л доо. Тэд олон улсын эдийн засгийн хориг, хавчлагад ордог. Улс төрийн дэмжлэг авч чадахаа больдог. Энэ утгаараа дэлхийн нийт, олон улс өөрсдийнхөө тусламжаар Азийн Венесуэль бий болгохоос болгоомжилсон хэрэг. Тиймдээ ч саарал жагсаалтад оруулав бололтой.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сүүлийн үед Монголын попчидын манлай болсон. Энэ хүн их увайгүй араншинг олон улсын тавцанд гаргаж байгаа. Хятад руу айлчилж, өч төчнөөн зээл тусламж авдаг. Гэсэн ч энэ талаараа ганц удаа ган хийдэггүй. Тэдний зээл, тусламжийг тусад тооцдоггүй. Угтаа урд хөршийнхөө тус дэмээр орон сууц бариулна л гэнэ. Цэвэрлэх байгууламж бариулж өмхийгөөсөө сална, Налайхын зам бариулж осол аваараа багасгана л гэх юм. Гэтэл Ерөнхий сайдын ярьдаг зүйл нь “Миний толгой мөрөн дээрээ байгаа цагт адуу, малыг амьдаар нь урагш гаргахгүй” гэх попролт. Ажлуудаа бүтээж, бүгдийг нь тохирч ирсэн хойноо хуншгүй загнаж байгаа нь энэ л дээ. Хятадын эсрэг илэрхийлсэн энэ мэт явцуу байр сууриараа улс төрийн оноо авч, сонгуульд дахин ялалт байгуулна гэж горьдоод байгаа юм. Аливааг жаахан боддог хүн ийм гоомой үйлдэл ч хийхгүй л дээ. Бид 2019 оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 65.8 хувийг зөвхөн БНХАУ-тай хийжээ. Энэ чамлаад байхаар бага тоо огт биш шүү дээ. Төрийн дээр суугаа түүний хувьд “Ах дүүгийн найрамдалт Хятад улс бидэнд ингэж тусаллаа” гээд яриад сууж байх ёстой юм. Гэтэл бүр эсрэгээрээ байгааг дээр дурдлаа. Ерөнхий сайд нийт массад таалагдахын тулд Хятадыг үзэн ядагч болж жүжиглэж байна. Ингэж попын туйл гэдгээ харуулж байна. Цахим ертөнцөөс айсандаа л тэр ингэж дэмий донгосож байгаа юм. Улсаа бодож гэмээнэ ийм поп мэдэгдэл хийж чадамгүй, боломгүй л санагдах юм.

Төрийн өндөрлөгүүдийн маань попролт энэ хүрээд төгсгөл болсон юм биш л дээ. Энэ зунжингаа Ялалтын баяр хийж пижигнэсэн. Оросын байлдааны онгоцыг Монголд авчирч нисгээд л. Зуны гурван сарыг дуустал л Японы милитаристуудыг бут цохисны 80 жилийн ойг тэмдэглэлээ. Бүр Засгийн газрын хэмжээнд авч үзэн дээд түвшинд тэмдэглэсэн. Засгийн газрын тэргүүн 2018 онд Японд айлчлал хийхдээ стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан юм. Харин энэ удаагийн айлчлалаараа хоёр дахь шатныхаа санхүүжилтийг авъя гээд хэлээтэхнэ лээ. Ичдэггүй юм байх даа. Ямартаа ч сүүлийн 30 жилийн түүхэнд Япон анх удаа Монгол Улсад үгүй гэж хэллээ. Бүр анх удаа шүү. Энэ бүгдээс харахад олон улс Монголын ардчиллыг хадгалж, хамгаалж үлдэх бодлого барьж байна. Поп улстөрчдийг сонгуульд ялуулахгүй, төрд шургалуулахгүй байхыг тэд эрмэлзэж байна. Улстөрчдийнхөө хэмжээ, хязгааргүй попролын шанд бид олон улсад дэмжлэгээ алдаж эхлэв бололтой. Алс хэтдээ ардчиллаа аварч үлдэх байгаадаа гэсэн горьдлого л биднийг уужруулж байна.

Хэрэвзээ ирэх сонгуульд ялахын тулд хоёр хөршөөсөө мөнгө гуйвал улс төрийн л мөнгө орж ирнэ. Энэ улс төрийн мөнгийг эргэж төлж чадахгүй гэдэгээ ард түмэн одооноос хэлж, сануулж баймаар байна. Ард түмэн ч энэ поп улс төрчдөөсөө салахын тулд гадны зээл тусламж авъя гэж чичлээд байлгүй хагас жил тэсэх хэрэгтэй. Цаашлаад сонгуулиар попуудаасаа салах нь чухал. Тэртэй тэргүй энэ хугацаанд сохор сонголтынхоо горыг хаширтлаа амсаж байгаа нь үнэн хойно. Ер нь ч бид түүхэндээ ийм хэмжээний попуудтай учирсан удаагүй.


Categories
мэдээ цаг-үе

Д.Ламжав: Ерөнхийлөгчийг зөвхөн УИХ-аас биш, арай өргөн бүрэлдэхүүнээс сонговол эрх мэдлийг нь хязгаарлахад чухал алхам болно

-“ИЛҮҮ ЧУХАЛ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХИЙН ТУЛД БАГА ЗЭРЭГ МУУ ЮМ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БОЛДОГ” ГЭСЭН ҮГ БАЙДАГ-

Шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатын нэг Д.Ламжавтай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцлаа.

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. УИХ энэ ондоо багтаан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж чадна гэж ойлгож болох уу?

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ энэ ондоо багтаан оруулах, ээлжит сонгуультай хамт ирэх жил Ард нийтийн санал асуулгад оруулах, эсвэл тулга тойрсон улс төрийн маргаанаа даван туулж чадахгүй ямар ч нэмэлт, өөрчлөлт хийж чадахгүй хоцрох ийм хувилбарууд байна. УИХ-ын тогтоол эхний хувилбарыг хэрэгжүүлэхийн тулд батлагдсан байх. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудал зөвхөн манайд биш, ардчилсан тогтолцоотой ямар ч улсад улс төрийн өргөн маргааныг дагуулдаг. Нэг нь нөгөөг нийтийн өмнө буруутгаж улс төрийн оноо цуглуулахын тулд элдэв арга сэддэгийн дотор илүү чухал шийдвэрийг зогсоохын тулд ялихгүй хуулийн заалтаас чаргуулдан эсэргүүцдэг. Нэмэлт, өөрчлөлтийг баталж чадах эсэх нь УИХ-д суудалтай намуудын удирдлагууд улс төрийн манлайллаа хэрхэн хэрэгжүүлэх, УИХ-ын гишүүдийн хариуцлагатай байдлаас хамаарна.

-Ард нийтийн санал явуулахгүй байхаар шийдсэнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-аар батлагдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энэ онд багтаан Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх УИХ-ын тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээн авсан. Ингэснээр батлагдсан төслийг илүү сайжруулах, зөвшилцлийг илүү хангах боломжийг нээсэн хууль зүйн гэхээс илүү улс төрийн чухал шийдвэр байлаа.

-Гуравдугаар хэлэлцүүлгийг хийхтэй холбоотойгоор хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдээгүй гурван ч саналыг эргэж харна гэж МАН-ын бүлгийн дарга хэлсэн. Тодруулбал, АН-ын зүгээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, холимог тогтолцоотой болох, Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх зэрэг саналуудыг оруулахыг зорьж байна. Энэ тухайд?

-Эдгээр бол хоригийг хүлээн авахад хүргэсэн улс төрийн томоохон шалтгаануудын нэг болов уу. Уул уурхайгаас хэт хараат байдлаас гарахын тулд эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй гэж манай эдийн засагчид ярьдаг. Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай малын түүхий эд боловсруулах зэрэг үйлдвэр байгуулахад улсын хэмжээнд төвлөрсөн, харьцангуй удаан хугацааны хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэтэл сонгуулийн мажоритар тогтолцоо нь төсвийн хөрөнгийг үр ашиг муу, ирээдүйгүй зүйлд цацдагийг монголчууд бид нүдээр үзэж, биеэр амслаа. Намын хаалттай жагсаалтад тулгуурласан сонгуулийн холимог тогтолцоонд шилжих, ингэхдээ пропорционалиар сонгогдох суудлын тоо мажоритарынхаас илүү байх нь чухал. Асуултад тавигдсан гурван санал бол хэдэн сонгууль дараалан нэг нам засгийн эрхийг толгойлох магадлалыг нэмэгдүүлнэ. Хөгжлийн тогтвортой бодлого хэрэгжих боломжийг нээнэ. Ерөнхийлөгчийг зөвхөн УИХ-аас биш, арай өргөн бүрэлдэхүүнээс жишээлбэл, УИХ-ын 76 дээр нэмэх нь 76 төлөөлөн сонгогчтой бүрэлдэхүүнээс сонгож болно. Ингэвээс Засгийн газартай эрх мэдэл булаацалддаг Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлахад чухал алхам болно.

-Үндсэн хуулийн ийм нэмэлт, өөрчлөлтийг дахин сонгогдохоо хүлээж буй Ерөнхийлөгч, гурван жил тойргоо усалсан гишүүд зөвшөөрөх болов уу?

-Наймаалцах хэрэгтэй болно. Ерөнхийлөгчийг сонгох заалтыг 2025 оноос, УИХ-ын гишүүдийг сонгох холимог тогтолцоог 2024 оны ээлжит сонгуулиас дагаж мөрдөхийг энэхүү нэмэлт өөрчлөлтийн хавсралтад тусгаж болно.

-Гэхдээ Журмын тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр зарим хуульч Цэцэд мэдээлэл гаргаад нэмэлт, өөрчлөлтийг зогсоочих гээд байгаа юм биш үү?

-Цэц бол 64.2-т заасны дагуу гагцхүү Үндсэн хуульд захирагдан, Үндсэн хууль зөрчигдсөн эсэх талаар Үндсэн хуулиар тогтоосон тодорхой хязгаарлалтын дотор шийдвэр гаргадаг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал дээр 68.1-д заасны дагуу саналаа УИХ-д оруулах бүрэн эрхтэй. Үүнээс бусад тохиолдолд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг маргааны журмаар хянан шийдвэрлэх эрхийг Үндсэн хууль Цэцэд олгоогүй. Үндсэн хуулийн суурь зарчим болон түүний хамгаалалтыг Үндсэн хууль дотор нь хийж өгдөг. Эхнийх нь бүр байхгүй. Хоёр дахь нь хангалтгүй хийгдсэн гэж УИХ үзсэн учраас 2010 онд жирийн хуулиар тодруулбал “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль”-иар хамгаалалт хийсэн. Энэ нь хэтэрсэн хамгаалалт болсон гэдэг утгаараа Үндсэн хуулиа зөрчсөн хууль юм. Эдгээрийн заримыг засаж залруулах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал.

“Илүү чухал асуудлыг шийдвэрлэхийн тулд бага зэрэг муу юм хийх хэрэгтэй болдог” гэсэн үг байдаг. Асуудлын ач холбогдлын зэрэглэлд, асуудлыг эрүүл саруул ухаанаар шийдэхэд орон зай үлдээх хэрэгтэй. Ийнхүү орон зай үлдээх нь хуулийг мушгин гуйвуулахад ч бас орон зай үлдээх болно гэдгийг мартаж болохгүй. Энэ бол “эрх зүй дэх нэг ёсны тодорхой бусын зарчим юм”. Бүх юмыг хуулиар тогтоож цэгцлэх гэж оролдох нь эрх зүйн тогтолцоогоо хэврэг болгох эрсдэлтэй гэдгийг бодолцмоор. Үүнтэй холбоотойгоор олон мал хулгайлсан гэдэг шалгуурыг 24 мал хулгайлснаар тогтоох хуулийн төсөл УИХ дээр хэлэлцэгдсэн жишээг ч дурьдаж болох юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхболд: Санхүүгийнхэн хуурамч цалингийн цэсээр 443 сая төгрөг шамшигдуулсныг дотоод шалгалтаар тогтоосон

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа.


-Сангийн сайдын зүгээс Зэвсэгт хүчний жанжин штабын нэг нягтлан бодогч 500 хүний орон тоог хий бичиж, цалинг нь авсан байна гэх мэдээллийг чуулганы нэгдсэн хуралдаан дээр ярьсан байсан. үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Зарим хэвлэлээр 500 орон тооны хүн илүү байлгаж, цалин хөлс буруу олгон, олон сая төгрөгийн хохирол учирсан гэх мэдээлэл гарсан байна лээ. үүнийг залруулж хэлэх нэг зүйл байгаа юм. 2018 оны эхэнд яам зэвсэгт хүчний жанжин штабаас нөхцөл байдлын мэдээллүүдийг авсны үндсэн дээр шалгалт хийхээр Ажлын хэсэг томилж ажиллуулсан юм. Ийнхүү Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид шалгалт хийсэн. Энэ бол Батлан хамгаалахын яам болон Зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс өөрсдөө санаачилж хийсэн шалгалт юм. Шалгалтын дүнд 089 дүгээр ангид ажиллаж байсан санхүүгийн ажилтнууд хуурамчаар цалингийн цэс үйлдэн олон хүнд цалин олгож байгаа юм шиг болгож, 440-өөд сая төгрөгийн хохирол учруулсан байсан нь тогтоогдсон. Манай өөрийн дотоод шалгалтаар тогтоогдсон гэсэн үг. Түүний дагуу холбогдох хууль хяналтын байгууллага, аТг-т хандсан. Тэдгээр ажилчид шунахайн сэдлээр хууль зөрчиж, 443 сая төгрөгийг шамшигдуулсан байна гэдэг нь тогтоогдсон.

500-гаад хүн гэж мэдээллэж буйн хувьд ор үндэсгүй зүйл. Тийм байх бололцоо ч үгүй. Яригдаж байгаа 440-өөд сая төгрөгийн гэмт хэрэг үйлдэгдсэн анги өөрөө 500 хүрэхгүй цөөн тооны цэргүүдтэй.

-Тэгэхээр тэр их мөнгийг хэрхэн авсан гэсэн үг вэ?

-Цалингийн цэс дээрх доод дүнг нь өөрчилж, өөр дүн тавин илүү мөнгө гаргаж авсан байгаа юм.

Тэр мөнгөө бусад хүмүүсийн данс руу шилжүүлж ашигласан хэрэг. Гэхдээ бид 2018 оны эхний шалгалтаар 2016, 2017 оны үйл ажиллагаанд нь шалгалт хийсэн гэдгийг тодруулж хэлье.

-Ойрын үед хийгдсэн шалгалтуудаар дээрхтэй адил асуудал дахин илэрсэн үү?

-Зэвсэгт хүчний жанжин штаб өөртөө дотоод хяналт, санхүүгийн хяналт шалгалт хийдэг нэгжтэй. Яам ч мөн дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ дүгнэлт өгдөг, шалгалт хийдэг нэгжтэй юм. Ээлжлээд, давхардуулалгүйгээр цэргийн ангиудад төлөвлөгөөт шалгалтуудыг хийдэг. Харин дээрх хэргийн тухайд шалгах үндэслэл байсан. Энэ утгаараа Ажлын хэсэг гарч шалгаж, илрүүлсэн юм.

-Албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгө шамшигдуулсан дээрх хэрэг одоо ямар шатанд явж байгаа вэ?

-АТГ-т шалгагдаад Эрүүгийн хэрэг үүсчихсэн. Мэдээж гэм буруутай этгээдүүд ял шийтгэлээ хүлээж таарна. Дахин тодруулж хэлэхэд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс хуваарилалт хийж, төлөвлөгөөт шалгалтуудыг байнга хийж байгаа. Мөн тодорхой сэжигтэй, хэрэг байж болзошгүй мэдээллүүдийг үндэслээд төлөвлөгөөт бус шалгалтуудыг хийдэг.

-Цэрэг татлага болж өнгөрлөө. Ирц хангалттай хэмжээнд хүрч чадсан уу?

-Цэрэг татлагыг нэг жилд хоёр удаа явуулж байгаа. Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 15-23-ны өдрүүдэд буюу тогтоосон хугацаанд зохион байгуулагдлаа. Тухайн жилдээ цэргийн албанд татагдах хүмүүсийн тоог Засгийн газраас тогтоодог. Үүний дагуу аймаг, нийслэлд хуваарилалт хийн цэрэг татаж дуусдаг. Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Засгийн газраас тогтоосон хэмжээнд хүрсэн. 14 аймаг, нийслэлээс хяналтын тоог 100 хувь гүйцээж, цэрэг татлага амжилттай зохиогдож дууслаа. Эцсийн дүнг одоо гаргаж байна. Аравдугаар сарын 17-22-ны хооронд сая татагдсан шинэ цэргүүдийг Зэвсэгт хүчний нэгтгэл анги салбаруудад хуваарилж, бүгдийг нь ном журмаар нь хүлээлгэж өгсөн.

-Цэргийн ангиудад гарсан асуудалтай холбоотойгоор цэрэг татлагын ирц муудсан байдал анзаарагдаагүй хэмээн ойлгож болох уу. Мөн залуус янз бүрийн шалтгаанаар цэрэгт явахаас зайлсхийдэг гэгддэг. Энэ жилийн тухайд нөхцөл байдал ямар байсан бэ?

-Мэдээж амьдрал болсон хойно тухайн үедээ цэрэгт татагдахгүй байх юмсан гэх бодол төрдөг л байх. Гэхдээ хууль дүрмийнхээ дагуу хугацаат цэргийн албанаас насны дээд хязгаарт хүрээгүй хүмүүсийг чөлөөлөхдөө зөвхөн эрүүл мэндийн шалтгааныг харгалзан үздэг. Нөгөөтэйгүүр цэрэгт явъя гэсэн хүн бүрийг татах нөхцөл бололцоо байхгүй. Засгийн газраас тогтоож өгсөн хяналтынхаа тооны дагуу л бид татдаг. Энэ удаад хяналтын тоондоо 100 хувь хүрсэн гэдгийг дээр дурдсан. Жил бүрийн цэрэг татлагын байдлаас харахад цэрэгт явъя гэсэн хүмүүсийн тоо хяналтын тооноос хамаагүй их байдаг. Энэ жил ч гэсэн тийм байсан. Хяналтын тооноос давж болохгүй учраас тэдгээрийг татах боломжгүй юм. Яахав өвчин, ар гэрийн гачигдлын улмаас ч гэдэг юм уу цөөн тооны хүмүүсийг харж үзэх, чөлөөлөх хуулийн боломжууд бий. Зарим хүмүүс цэрэгт хүүхдээ явуулчихаар янз бүрийн асуудалд ороод байх юм гэсэн байдлаар ханддаг. Цөөн тооны цахим хэвлэлээр хүүхдээ цэрэгт явуулахгүй байя гэсэн мэдээлэл л гарсан байсан. Гэхдээ эдгээр зүйл нөлөөлөлгүйгээр цэрэг татлагын тоо хэмжээ хангалттай их, хяналтын тооноосоо давсан байдалтай байна.


Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж чадахгүй бол Монгол Улс засаглалын хэлбэрээ солих хэмжээнд хүрч магадгүй

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, Ард нийтийн санал асуулга явуулахаар болоод байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэр хэмжээнд боловсруулагдсан гэж та үзэж байгаа вэ. Анхны зорилгодоо хүрч чадсан уу?

-УИХ-ын 62 гишүүн санаачлан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Түүнээс хойш хаврын чуулган, ээлжит бус чуулганаар хэлэлцэж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн сүүлийн хувилбарыг УИХ дэмжсэн. Үндсэндээ УИХ Үндсэн хуулийн талаар хийх ёстой ажлуудаа дуусгасан. Ард түмний санал асуулгаар Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлэг буюу батлах процессийг хийх гэж байна. Гэсэн ч үүнд Ерөнхийлөгч хориг тавилаа. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх дээр УИХ-ын МАН-ын бүлэг эцсийн шийдвэрээ гаргаагүй байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар 62 гишүүн санал гаргаж, өргөн барьснаас хойш Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ дахь Ардчилсан намын зөвлөл, парламантад суудалгүй улс төрийн намуудын зүгээс саналууд ирсэн.Энэ саналуудыг Үндэсний зөвшилцлийн ажлын хэсэг гарч хасах, найруулах зэрэг ажлуудыг хийсэн. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт сүүлийн гурван парламент дамжиж яригдсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дээр тулгуурлаж гарсан учраас үе үеийн парламент, судлаачдын түвшинд яригдсан асуудлуудыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэсэн. Ийм төсөл батлагдсан. Анх тавьж байсан зорилтдоо 100 хувь хүрээгүй ч гэсэн эцсийн хувилбар нь 70-80 хувьтай батлагдсан.

-Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа нь хэдийд тодорхой болох вэ?

-Бид Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслөө баталсан. Харин хэдийд, ямар хөрөнгөөр зохион байгуулах, зохион байгуулалтад юу хийх вэ гэдгийг тусгайлан тогтоол гаргаж шийдвэрлэе гэж шийдсэн. Тэр тогтоол хараахан батлагдаагүй байна. Ямартаа ч энэ удаагийн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийн эцсийн хувилбараас харахад дөрвөн гол зүйлийг цэгцлэхэд ахиц гарах болов уу гэж харж байна. Нэгдүгээрт, 1999 онд Ардчилсан нам олонх байх үед хийгдсэн Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлт энэ 20 жилийн хугацаанд дордохын долоон өөрчлөлт гэж нэрлэгдэж, шүүмжлэл дагуулж байсан. Бид энэ долоон өөрчлөлтөөс зургааг нь хэсэгчлэн болон бүтнээр нь буцааж сэргээлээ. УИХ-ын үйл ажиллагаа илүү хариуцлагатай болгоход чиглэсэн нэмэлт, өөрчлөлт орсон. Хоёрдугаарт, сахилга хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой өөрчлөлт орсон. Тодруулбал, Ерөнхийлөгчөөсөө эхлээд багийн дарга хүртэл, төрийн эрх барьж байгаа байгууллагуудын эрх, үүргийг эргэж харсан, илүү сайжруулсан. УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, аймаг, сумын дарга нь ямар эрх, үүрэгтэй байх, ямар эрхүүдээсээ татгалзах, хязгаарлах ёстой талаар 30 жилийн алдаа, оноо дээрээ түшиглэн сайтар ярилцаж шийдсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажилладаг, бидний давхар дээл гэж нэрийддэг энэ зүйлийг тодорхой хэмжээгээр хязгаарласан. Зөвхөн цөөн тооны буюу дөрөв хүртэлх хүн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийг давхар хийж болно. Үүнд ерөнхий чиг үүргийн яамдын удирдлагууд байх юм. Мөн хамтарсан Засгийн газар байгуулагдсан үед намуудын удирдлагууд Засгийн газартаа орж ажиллаж болно. Бусад үед Засгийн газар, УИХ хоёрыг салгасан. УИХ-ын гишүүдийн эгүүлэн татах заалтыг нарийвчилж оруулж өгсөн. Төсөв мөнгө хэлэлцэх үед УИХ Засгийн газрын зөвшөөрөлгүй зарлагын шинэ төрөл нэмэхийг хориглож байгаа. УИХ-ын гишүүд тойрог тойрог руугаа хөрөнгө мөнгө цацаж, тэдгээр нь үр дүн муутай байна гэж шүүмжлэгддэг. Энэ байдлыг цэгцлэх чиглэлд дээрх заалтыг Үндсэн хуульд тусгаж өгсөн.

УИХ хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд Хянан шалгах түр хороо байгуулахтай холбоотой тодорхой заалт орсон. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, Ерөнхийлөгчийн бүрэн эрх, насны хязгаарыг тогтоохтой холбоотой заалтуудыг ч нарийвчилж оруулж өгсөн. Ингэснээрээ манай төрийн чиг үүрэг, бүрэн эрх нь тодорхой болж, үүнийгээ дагаад хариуцлага нь дээшилнэ. Гуравдугаарт, эдийн засаг, байгалийн баялагтай холбоотой олон заалтууд орсон. Бид 1992 онд шинэ Үндсэн хууль баталж байх үед энэ хэмжээний уул уурхайн асуудал хөндөгдөж, орлого зарлага, хэрүүл маргаан бий болно гэж тооцоогүй. Зах зээлийн харилцаанд орсноороо бид төсөөлж байгаагүй сайн тал бий болсон ч нөгөө талаараа сөрөг үр дагавар их гарсан. Эдгээрийг харгалзаж үзээд урт хугацаанд тогтвортой хөгжлийн бодлогоор хөгжих, түүнийг зохион байгуулах байгууллага нь ямар байх эсэх, байгалийн баялаг тэр дундаа геологи, уул уурхайтай холбоотой заалтуудыг нарийвчлан тусгасан. Өнөөдөр баян, хоосны ялгаа асар их байгааг иргэд шүүмжилж байгаа. Үүнийг бууруулахын тулд баялгийн хуваарилалтыг зөв болгох нь чухал юм. Тиймдээ ч энэ удаагийн Үндсэн хуульд сайтар нарийвчилж оруулсан. Монголчууд бид өвөг дээдсээсээ уламжилж ирсэн энэ газар шороо, уул ус, байгалийн баялгийнхаа эзэн нь шүү гэсэн энэ заалтыг Үндсэн хуульд оруулж өгсөн гэж ойлгож болно. Тиймдээ ч ихээхэн ач холбогдолтой зүйл боллоо гэж харж байгаа.

Дөрөвдүгээрт, нутгийн удирдлагатай холбоотой заалтууд орсон. Орон нутаг, хот суурингийн зохицуулалт, сум орон нутгийн хурал, хурлаар тогтоох өмч, татварын асуудалтай холбоотой заалтууд орсон. Мөн шүүх засаглалыг хараат бус, хариуцлагатай болгоход чиглэсэн зохицуулалтууд тусгагдсан. Шүүхийн сахилга хариуцлагын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийг хэрхэн байгуулахтай холбоотой заалт оруулж өгсөн. Хэрвээ энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуульд орж батлагдаж чадвал 30 жилийн алдаа оноогоо дүгнэсэн, дараагийн 30 жил рүүгээ зөвөөр алхаж чадна байх гэж харж байна.

-Манай улсад 1945 оноос хойш Ард нийтийн санал асуулга болж байгаагүй. Иргэдэд Ард нийтийн санал асуулгад оролцсон туршлага байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Тэр утгаараа иргэдийн ирц хангалтгүй байх эрсдэлтэй гэж байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хууль батлахдаа парламентын засаглалтай орон байхаар шийдсэн. Хоёр том гүрний дунд байгаа манай улс аюулгүй байдлаа бодсон ч, гадаад, дотоод харилцааны шахалт дарамт, төрийн уламжлалаа бодсон ч парламентын засаглал нь Монгол Улсад зохимжтой гэж үзсэн. Монголчууд бид төрөлхөөсөө л эрх чөлөөт, биеэ даасан байдлыг хангасан ард түмэн. Тиймдээ ч улс орны асуудлыг олноороо хэлэлцдэг төрийн уламжлал байсан. Чингис хааны үед Их хуралдайтай, Богд хааны үед дээд, доод танхимтай, 1921 онд Ардын засаг байгуулагдаад ч Бага хуралтай болж байсан. Энэ утгаараа парламентын засаглалын орчин үеийн энэ хэлбэрийг аваад явах нь зүйтэй гэсэн сонголт хийсэн. Энэ сонголтоо баталгаажуулаад шинэ Үндсэн хуулиа одоо ярихаа больё. Харин 1992 онд баталгаажуулсан парламентын засаглалтай энэ хуулиараа явах нь зүйтэй юм. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт парламентын засаглалыг боловсронгуй болгох, төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг сайжруулахад чиглэж байна. Тиймээс энэ удаагийн Ард нийтийн санал асуулга ардчилал, зах зээл, тэр тусмаа парламентын засаглалаа боловсронгуй болгоод явах эсэхийг шийдсэн сонголт байна байх. Иргэдтэй уулзаад явахад энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ихээхэн дэмжиж байна. Олон жилийн турш ярьсан энэхүү өөрчлөлтөө МАН олонх байгаа дээрээ хийх нь зүйтэй гэсэн байр сууринаас хандаж байгаа юм. Ард нийтийн санал асуулга дэмжигдэнэ гэж найдаж, таамаглаж байна.

Хэрэв Ард нийтийн санал асуулга явуулах үед сонгогчдын ирц хүрэхгүй бол яах вэ гэдэг асуудал гарна. Хэрвээ сонгогчдын ирц бүрдэхгүй бол бид энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийг баталж чадахгүй. Баталж чадахгүй бол Монгол Улс засаглалын хэлбэрээ солих хэмжээнд хүрч магадгүй. Ерөнхийлөгчийн болоод бусад засаглалын хэлбэр рүү халтирч орохыг үгүйсгэхгүй. Тиймээс УИХ-ын зарим гишүүн зургаан сарын дараа болох сонгуулиа наашлуулаад Ард нийтийн санал асуулгатай хамт хийе гэх хандлага гаргасан юм. Нэгэнт л 20, 30 тэрбум төгрөг зарцуулж байгаа хойно хамт хийчихвэл төсөв мөнгө ч хэмнэнэ, сонгогчдын ирц ч сайжирна. Хамгийн чухал нь шинэ Үндсэн хуулийг ард нийт үнэхээр дэмжиж байгаа бол баталж чадна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төр засгаа эмхлэн зохион байгуулаад явсан нь зүйтэй учраас ээлжит бус сонгуультайгаа хамт хийе гэж буй хэрэг. Энэ нь одоогийн Үндсэн хуулиа, парламентын засаглалаа хамгаалахын төлөө хийж байгаа алхам гэж харж байна.

-Энэ нь хэнд ашигтай юм бэ. Эрх баригчдад эрсдэлтэй биш үү?

-Энэ дөрвөн жил эрх барьж байгаа Монгол ардын намын хувьд маш хүнд сонголтын жилүүд болж байна. Намаа бодож эсвэл улсаа бодож, шийдэл гаргах уу. Өнөөдөр, маргаашийн эрх мэдэл, өөрсдөд байгаа сандал, суудлаа хамгаалж үлдэх үү. Алс ирээдүй, үр хойчийнхоо төлөө эрсдэл хийгээд ч хамаагүй зөв зүйлийн төлөө алхах уу гэдэг сонголтын өмнө л үргэлж тулж байгаа. Тиймээс зарим үед нам дотороо хагарч, хуваагдаад ч хамаагүй улс орноо бодсон шийдэл рүү алхъя гэж байна. Үргэлж энэ шийдлийн талд зогсож байгаа. Ээлжит бус сонгуулийн асуудал яригдаж буй энэ үед ч мөн адил. Хэрэв бид өөрсдийнхөө эрх мэдлийг хадгалаад үлдэнэ гэвэл хэн ч биднээс булааж авахгүй, өмнөөс минь шийдэхгүй. УИХ-ын 51 гишүүн дэмжиж байж л УИХ тарна. Бидэнд дахиад долоо, найман сар ажиллах эрх байна гээд суугаад байвал суугаад байж болно. Гэхдээ парламентын засаглал, Үндсэн хуулиа хамгаалахын тулд, улс орны хөгжил, ард иргэдийн хүсэн хүлээж байгаа зүйл, тэмүүллийн төлөө эрсдэл хийгээд ч хамаагүй зарим алхмыг хийх хэрэгтэй болж байна.

-Сонгуулийг нааш нь татаж, Ард нийтийн санал асуулгатай хамтатган хийнэ гэж үү?

-Үүнийг олон талаас нь ярилцаж байна. Одоогоор нам, бүлгийн хэмжээнд ямар нэгэн шийдвэр гаргасан зүйл алга. УИХ-ын гишүүд, хувь улстөрчид цаг үеийн нөхцөл байдлыг өөр өөрсдийнхөө мэдээллийн түвшинд, эрсдэлийг тооцон байр сууриа илэрхийлж байгаа.

-Яг хэдийд тодорхой шийдэлд хүрэх вэ?

-Өнөөдөр (баасан гариг)бүлэг хуралдаад цаг үеийн мэдээлэл, нөхцөл байдлыг мэдээд түр завсарлалаа. Даваа гаригт (өнөөдөр) дахиж хуралдаад Ерөнхийлөгчийн хориг, ээлжит бус сонгууль, Ард нийтийн санал асуулга, Ард нийтийн санал асуулгыг батлах эсэхтэй холбоотой Ардчилсан намаас тавьж байгаа зарим асуудлуудад шийдлээ гаргаад явна гэж бодож байна.

-УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан тохиолдолд яах вэ?

-УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Үндсэн хуулийг Ард нийтийн санал асуулгаар батлахгүй. Гуравдугаар хэлэлцүүлгээрээ л Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай ярина. Ерөнхийлөгч хоригтоо нэгдүгээрт, Ард нийтийн санал асуулга битгий явуулаач ээ, хоёрдугаарт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хуулийн хэлбэрээрээ орж ирж батлагдах ёстой байсан юм биш үү, та нар нэмэлт, өөрчлөлтийг төслийн хэлбэрээр оруулж ирж баталж байна гэж. Хуулийн хэлбэртэй болгож батлах нь зөв үү, үгүй юу гэдэг дээр маргаан байдаг. Энэ маргаан хуульчдын хүрээнд олон жил үргэлжилж байгаа. Энэ маргааныг хөндсөн байсан. Гэхдээ 2000 оны өөрчлөлт ч тэр тухайн үедээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлбэрээр орж ирж батлагдаж байсан. Мэдээж эдгээрийг ярина.

-Та Ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрээ асуух тухай саналд ямар байр суурьтай байсан бэ?

-Холбогдох хуулиудаар засаглалын хэлбэрээ солихыг хориглосон байдаг. Жишээ нь, парламент санаачилсан Үндсэн хуульдаа өөрийнхөө бүрэн эрхийг нэмэхтэй холбоотой өөрчлөлт оруулах боломжгүй. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санаачилж байгаа бол мөн өөрийнхөө бүрэн эрхтэй холбоотой хууль өргөн барьж болдоггүй. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн, парламентын засаглалтай байх эсэхийг хөндөх боломжгүй хуулийн хязгаарлалттай, хаалттай юм. Ер нь ард иргэдээсээ засаглалынхаа хэлбэрийг асуугаад буруу шийдэл гаргасан, гацаанд орсон улсууд байдаг. Хамгийн сүүлд л гэхэд Их Британи Европын холбооноос гарах, гарахгүй гэх асуудал гарч, гурван жил маргаж байна. Тиймээс бид иргэддээ гадна, дотны нөхцөл байдал ямар байгаа, үр дагавар нь юу болох талаар үнэн зөв мэдээлэл өгч байж л засаглалын хэлбэрийн талаар асуух эсэхээ шийдэх ёстой. Мэдээлэл багатай байхад нь засаглалын хэлбэрээ солих тухай асуух, ийм алхам хийх нь цаг үеэ олсон асуудал биш гэж үзэж байна.


Categories
мэдээ цаг-үе

А.Бямбажаргал: Хоёр сарын өмнө хүлээн зөвшөөрч байсан зүйлээ л ноцтой хуулийн зөрчил гэж чангаар хашгирч байна

МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, Хууль зүйн доктор А.Бямбажаргалтай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах, Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолд хориг тавилаа. Хуулиараа энэ нь боломжтой юу?

-Хориг тавих нь Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон үндсэн бүрэн эрхийн нэг учир мэдээж боломжтой. Гэвч уг бүрэн эрхээ хэдийд, ямар зорилгоор ашиглаж буй байдал зарим тохиолдолд эргэлзээ төрүүлэхүйц байгаа нь нууц биш юм. Энэ удаагийн хориг бол Ард нийтийн санал асуулгад оруулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх бичвэрийг баталсан УИХ-ын 73 дугаар тогтоол байлаа. Мэдээж хэрэг хоригийг УИХ цааш хэлэлцэх боловч ийнхүү хэлэлцэх нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагаанд ямар нэг саад учруулахуйц үр дагаврыг үүсгэхгүй болов уу. Хоригийн агуулгыг харвал таван үндэслэлээр ийнхүү бүхэлд нь хориг тавьсан гэж харагдах боловч хэрэг дээрээ хоёр л хууль зүйн тодорхой нөхцөлийг гаргасан байна. Нэгд, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр гагцхүү хууль байх, хоёрт, тогтоолд Ард нийтийн санал асуулга явуулах, олонх оролцсон санал асуулгыг хүчинтэй тооцох гэх Үндсэн хуулийн 25.1.16-г эшлээгүй гэжээ.Гэтэл нэг зөрчилдөөнтэй зүйл байгаа юм. 2019 оны долдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, мөн УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөлд саналаа өгөхдөө хоригтоо дурдаад буй гол үндэслэлийнхээ яг эсрэг байдлаар төслөө өргөн барьсан явдал. Энэ нь хэн чиг харсан гайхмаар, бас эргэлзмээр. Хоёр сарын өмнө хүлээн зөвшөөрч байсан зүйлээ одоо ноцтой хуулийн зөрчил гэж чанга хашгирч буй мэт харагдана. Энгийнээр бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хуулийн хэлбэртэй байх ёстой гэж УИХ-ын гишүүдийн санаачилсан төслийг өөлөх мөртлөө түүний өргөн барьсан төсөл мөн л нөгөө “хууль” гэх үгээ хэрэглээгүй, эсвэл мартсанд учир байна. Харин хоёр дахь үндэслэлийн хувьд одоо УИХ ямар санал асуулга явуулах гэж байнаа вэ гэдэг нь гол хариулт нь болно. Энэ удаад УИХ-аас улс орны гадаад, дотоод бодлогын тодорхой асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах бус харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар батлах асуудлыг шийдвэрлэж буй тул уг харилцааг тусгайлан зохицуулсан Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасныг үндэслэл болгож УИХ 73 дугаар тогтоол гаргаснаас харагдана.

Энэ нь дэлхий нийтэд, мөн манай өнөөгийн эрх зүйн орчны хувьд ч тэр ард нийтийн санал асуулга гэсэн нэртэй бүхэн яг ижил журам, үр дагавартай байдаггүйтэй холбоотой.

Ард нийтийн санал асуулга дотроо өөр, өөр байдаг байх нь. тэгвэл уих чухам аль төрлийн санал асуулгыг одоо явуулах гэж байна вэ?

-яг тийм. Ард нийтийн санал асуулга бүр хоорондоо ялгаатай. эдүгээ дэлхий дахинд гурван төрлийн санал асуулга түгээмэл хэрэглэгдэж байна. Нэгд, Үндсэн хуулиар заавал хийхээр тогтоосон санал асуулга. Энэ төрөлд улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал ба Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санал асуулгаар батлах хамаарч байдаг. Уг төрлийн санал асуулгын үр дүн шууд хүлээн зөвшөөрөгдөх буюу заавал биелэх шинжийг агуулдаг. Хоёрт, Хүчингүй болгох буюу парламентаар урьд өмнө нь аль хэдийнэ батлагдан шийдвэрлэгдсэн асуудлыг эргэн харахад ашиглаж байна. тухайлбал, Швед, итали зэрэг оронд парламентын 1/3-ийн санал, эсвэл 500 мянган иргэний санал гаргавал явуулах жишээтэй. Гуравт, Зөвлөлдөх /плебисцит/ гэх ард нийтийн санал асуулга. бидний сайн мэдэх их британи Европын холбооноос гарах эсэх талаарх санал асуулга энэ төрлийн сонгодог жишээ. Өөрөөр хэлбэл улсын дотоод, гадаад бодлогын тодорхой аль ч асуудлаар уг зөвлөлдөх хэлбэртэй санал асуулга явуулж болдог. Үүнээс бид санал асуулга гэсэн нэртэй бүхэн өөр хоорондоо яг ижил агуулгатай хэмээн өнгөц дүгнэж болохгүйг харж болно.

Өнөөгийн УИХ-аас хийх гэж буй санал асуулга бол өөрийн гэсэн тусгай журамтай буюу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах л зүйл юм. Түүнээс биш ямар нэг хэлбэрээр зөвлөлдөх шинжийг огт агуулахгүй. Мөн Европын венецийн комисс өөрийн зөвлөмждөө дээрх төрлийн санал асуулгыг хэрхэвч хамтад нь явуулж болохгүй гэж анхааруулсан байдаг.

-Ерөнхийлөгч хоригтоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ илэрхий хууль зөрчсөн байдлаар хандсан гэж үзжээ. хууль зөрчсөн зүйл бий юү?

-Энэ удаагийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах процесс бол 2010 онд баталсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу явагдаж байна. Энэ ч үүднээсээ уг хуулиар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт дур зоргын шинжтэй байж болохгүйг заасан. Улмаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх процедурыг ширхэгчлэн заасан учир нэг талаасаа амар, нөгөө талаасаа хүн бүрд нээлттэй байсан гэж хэлж болохоор байгаа юм. өөрөөр хэлбэл нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх байдал нь хуулийн хэлбэртэй буйг энд онцолмоор байна.

Үүний тод илрэл нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах процедурын хувьд нээлттэй байх зарчмын дагуу хэлэлцүүлэг бүр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулагдаж буй явдал. Мөн өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-ын даргын санаачлагчаар хүний биеийн давтагдашгүй хэсгээр санал өгөх хэлбэрээр гарын хурууны хээ уншигчийг энэ удаа харин ч нэг сайн туршсан гэж хэлж болох байх. Үүнээс үүдэн гишүүд зөвхөн өөрийнхөө нэрийн өмнөөс бүх зүйл заалт тус бүрээр саналаа өгсөн нь процессын хувьд хууль зөрчсөн зүйл байхгүй болохыг илтгэнэ.харин агуулгын хувьд энэ удаагийн Үндсэн хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлт 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалаас гажаагүйн дээр түүний үзэл санааг улам бүр тодруулж буй гэдгээрээ онцлогтой.Зарим хүмүүс Үндсэн хуульд өнгөц, хэлбэрийн төдий засвар хийлээ гэж ярьж буй. Гэвч бодит байдал дээр тэд чухам ямар нэмэлт, өөрчлөлт оров гэдгийг эхлээд харах ёстой. хэрэг дээрээ Үндсэн хуульд бага, өнгөц, хэлбэрийн төдий нэмэлт, өөрчлөлт гэж огт байдаггүй. Нэг үг, үсэг, цэг, таслал өөрчлөгдөхөд түүнийг дагаад олон хуульд тухайн харилцааг өөрчлөх шаардлага үүсдэг. тэгвэл энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нийт 19 зүйл, 34 орчин заалтыг хамарч байна. Улмаар 30 орчим хуулийг УИХ-аас батлан гаргах шаардлагыг үүсгэж байна. ганцхан жишээ дурдахад Үндсэн хуулийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлага бүлэгт хоёр зүйлд л нэмэлт, өөрчлөлт орж байгаа боловч өнөөгийн энэ харилцааг зохицуулж буй бүх хуулийг шинэчилсэн найруулгын түвшинд батлан гаргах шаардлага үүсэх жишээтэй. Мэдээж хэрэг энэ хэсгийн нэмэлт, өөрчлөлт 1992 оны Үндсэн хуулийн суурь зарчмыг огт хөндөөгүйг онцлох ёстой. Эсрэгээрээ Үндсэн хуулийг эрс өөрчлөх алхам хийх нь харин ч улсаараа тоглох эрсдэлтэй.

-Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжихгүй байх шалтгаан бий юү. Өөрийн төсөл, саналаа татаж, мөн Ард нийтийн санал асуулгад хориг тавьж буй нь ямар учиртай гэж харж байна вэ?

-Ямар шалтгаан, шалтгаар дэмжихгүй байгааг бид шууд хэлж чадахгүй шүү дээ. Мөн хориг чухам ямар зорилгоор тавьж буйг хэлж чадахгүй байна. бодитой нэг таамаг бол хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээр дэмжвэл цаашид Ерөнхийлөгчид таалагдах эсэх ямар ч хамаагүйгээр уг хууль хүчин төгөлдөр буюу Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй болох юм. Хэрэв уих өөрсдөө баталсан бол цаашид уг нэмэлт, өөрчлөлтөд төрийн тамга дарах, ёсчлох бүрэн эрх Ерөнхийлөгчид хэвээр хадгалагдаж байгаа. Гэхдээ эрхбиш Үндсэн хуульд заасан Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэх үүргийг биелүүлэх ёстойгоо санаж буй болов уу. Харин Ерөнхийлөгч хууль зүйн хувьд төслөө татаж авах боломжгүй юм. Учир нь Б.Чимид багшийн гардсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд урьдаас тогтсон нэг л төслийг УИХ хэлэлцэхээр заасан. Хэрэв агуулга, үзэл баримтлалын хувьд зөрүүтэй төслийг хууль санаачлагч өргөн баривал уг төслийг саналын түвшинд харгалзан үзэх, харин зэрэгцүүлэн хэлэлцүүлэхгүй гэж хуульчилсан. Энэ дагуу 2019 оны зургадугаар сарын 6-ны өдөр нэр бүхий гишүүдээс өргөн баригдсан төсөл бол журмын тухай хуульд зааснаар нэгдүгээр хэлэлцүүлэг давсан буюу урьдчилан тогтсон төсөл. Харин долдугаар сарын 16-ны өдрийн өөр нэг хууль санаачлагч болох Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл нь саналын төвшинд харгалзан үзэх төсөл болж таарч буй юм. нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд заасан хууль санаачлах болон УИХ-ын чуулганд тааллаар оролцон, санал, дүгнэлт хэлэх эрхийг огт хөндөөгүйн дээр түүний уг бүрэн эрхийнхээ дагуу гаргасан төслийг саналын түвшинд харгалзан үзэж тусгасан гэж хэлж болно. Харин ч түүний саналын дагуу орж ирсэн улс төрийн намыг шинээр бүртгүүлэх тохиолдолд 50001 байх, төрийн нийтийн өмч, стратегийн ач холбогдол бүхий ордын ашгийн дараахь 51 хувьд ард түмний мэдэлд байх зэрэг саналууд хоёрдугаар хэлэлцүүлэгт ихээхэн маргаан дагуулж мэргэжлийн хэсгийн шүүмжлэлийн бай болж байсныг бид бүгдээрээ улс орон даяар харсан шүү дээ.

-Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулгаар засаглалын хэлбэрийг асууна гэх байр суурийг илэрхийлж байсан. Энэ нь хуулийн хүрээнд боломжгүй гэдгийг хуульч, судлаачид илэрхийлсэн. Таны хувьд дээрх байр суурийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэмжээнээс даваад цоо шинэ Үндсэн хууль батлах уу л гэдэг асуулт. Энэ үүднээсээ дан ганц судлаачид бүү хэл учир мэдэх хүмүүс бүгд ам нэгтэйгээр хууль зүйн хувьд боломжгүй гээд байгаа болов уу. Гэхдээ нэг зүйлийг онцлон тэмдэглэх ёстой нь одоогоор бидний сонгосон ерөнхийлөгч албан ёсоор, өөрийн биеэр уг санаа бодлоо илэрхийлээгүй байгаа. Гагцхүү түүний өмнөөс тамгын газрын дарга нь уг зүйлийг ярьж буй. Өмнө яриандаа цухас дурдсан. Зөвлөлдөх санал асуулга болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах хоёр өөр санал асуулгыг хамтад нь хэрхэвч явуулж болохгүй гэдгийг венецийн комисс өөрийн зөвлөмждөө хатуу анхааруулсан байдаг. Нөгөө талаасаа Үндсэн хуульд заасны дагуу Үндсэн хуульд тангараг нь бичигдсэн байдаг цор ганц албан тушаалтан бол Монгол Улсын Ерөнхийлөгч. Тэрээр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангарагладаг. Гэтэл дээдлэн сахих ёстой Үндсэн хуулиа үл огоорч шинээр батлах санаархал бодитоор гаргах аваас Ерөнхийлөгчийг ч тэр цаашид огцруулах хэмжээний хариуцлага хүлээж байдаг. Ялангуяа Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ярьж буй хүрээнд шинэ Үндсэн хууль батлах уу, үгүй юу гэж асуух хууль зүйн хувьд хэрэгжүүлэх ямар ч боломжгүй юм.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.3-т “Хоёр дахь хэлэлцүүлгээр зүйл, хэсэг, заалт бүрээр санал хурааж шийдвэрлэсэн төслийг ард нийтийн санал асуулгад оруулах эх болгон баталж уг эхээр ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоол гаргана” гэх заалтын дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эх бичвэрээ УИХ нэгэнт баталсан. УИХ одоо хийх ажлаа хийсэн хэрэг. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт одоо аль хэдийнэ нэг цэг, таслал тавигдахаасаа өнгөрсөн хэрэг. Харин иргэд бидний хувьд одоо тус эх бичвэрийг дэмжих, эсвэл дэмжихгүй саналаа л өгнө гэсэн үг. Энэ нь иргэдэд олдож буй тун хариуцлагатай сонголт.

-Ард нийтийн санал асуулгыг буруу, эрсдэлтэй асуудлаар явуулахын үр дагавар нь юу вэ?

-Асуудлын гол нь ямар төрлийн ард нийтийн санал асуулга вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Ард нийтийн санал асуулга бол дэлхий нийтэд түгээмэл ашигладаг иргэдийн шууд оролцооны гол хэлбэр. Гэвч бидний хувьд одоо хэр нь туулж өнгөрөөсөн түүхийн хуудсанд тод мөрөө үлдээснээр л төсөөлж байна.Гэхдээ Үндсэн хуульд тусгайлан заасан тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа тогтоох болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах хүрээнд иргэд сайтар ойлговол асуудалд ухаалгаар хандан шийдвэр гаргадаг нь нотлогдсон. Харин зөвлөлдөх хэлбэрээр ард нийтийн санал асуулга явуулбал популист улстөрчдийн гол өгөөш болдог. Хэрэв манай улсын ард нийтийн санал асуулгын тухай хуульд заасны дагуу бид улсын гадаад, дотоод бодлогын тодорхой асуудлаар санал асуулга явуулах бол тэр нь нэг удаадаа гурваас дээшгүй асуудал байхаар заасан. Гэвч үүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санал асуулгаас ялгаж ойлгох, тусдаа явагдана гэж ойлгох учиртай. Мэдээж санаачлах эрх бол Ерөнхийлөгчид бий. Тэгэхдээ энэ нь юу хүссэнээ асуу гэсэн үг огт биш юм. Зарим орны жишээнээс бид хүмүүс хэт их популист улстөрчдийнхөө дэврүүн амлалтаас болж асуудалд оюун ухаанаа уралдуулж бус сэтгэл хөөрөлдөө автан шийдвэр гаргасан муу жишиг мөн дэлхий нийтэд цөөнгүй бий. Тухайлбал, Их Британи, Венесуэлд болж байсан Ард нийтийн санал асуулгуудаас бид түүнийг бэлхнээ харж болно.

-Тэдгээрийг тодруулаач?

-Мэдээж Их Британийн хувьд одоо 2016 оны Ард нийтийн санал асуулгын дүнтэй холбоотойгоор Европын холбооноос гарах асуудал тэдний төдийгүй дэлхий улс төрийн гол маргаантай сэдвүүдийн нэг хэвээр байна. Нөгөө талаасаа тэдний Европын холбоонд элсэх эсэхийг шийдсэн 1975 оны санал асуулгын асуулт Европын холбоонд элсэх буюу нээлттэй зах зээлд орохыг дэмжих үү гэх агуулгаар асуусан байдаг. Өмнө хэлж дурдаж байсны дагуу энэ төрлийн санал асуулга бол зөвлөлдөх шинжийг агуулж байдгийн дээр улстөрчид асууж буй асуулт, хэлбэрээр урвуулан ашиглагдах магадлалтай байдаг. Нөгөө талаас зөвлөлдөх ард нийтийн санал асуулгын нэг сул тал бол иргэд шууд тухайн үеийн эрх баригчдад өгч буй үнэлгээг сэтгэл хөөрлөөр өгөх магадлалтай байдгийг судалгаанууд хэлдэг. Гэтэл санал асуулгын бодит үр дагаварт нь жирийн иргэд тухайлбал, өдгөө Их Британийн жирийн бизнес эрхлэгчид хамгийн ихээр хохирох хэмжээнд хүрээд байна шүү дээ.

Өөр нэгэн жишээ бол Венесуэл улс. Тэдний хувьд эрх баригчид өөрсдийн санаа бодлоо санал асуулгаар дамжуулан урвуулан ашиглаж байсан орнуудын тод жишээ. Зарим талаараа энэ нь манай Ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг ард нийтээс асууна гэж өнөөгийн Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын хэлж буйтай төстэй сонсогдож байгаа юм. Венесуэлд Уго Чавес 1999 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод ердөө хоёр сарын дараа шинэ Үндсэн хууль батлах эсэх, улмаар үндсэн хуулиа батлах ассамблейн гишүүдийг ерөнхийлөгч мэдэх эсэх асуудлаар санал асуулга явуулсан. Түүний нэр хүнд, олон сайхан амлалтад нь иргэд нь итгэж байсан учир түүний санаачилсан бүхнийг нь сэтгэл хөөрлөөр дэмжсэн байдаг. Улмаар арванхоёрдугаар сард нь шинэ Үндсэн хуулиа бүхэлд нь дэмжих эсэхээр санал асуулга явуулан иргэд нь мөн урьдын адилаар дэмжсэн. Хэрэг дээрээ уг үндсэн хууль нь эрх мэдлийг нэг гарт хэт төвлөрүүлсэн болохыг түүний горыг хэрхэн амсаж буйг дэлхий нийт харж байна. Гэвч өнөөгийн УИХ-аас хийх гэж буй санал асуулга бол зөвлөлдөх бус харин Үндсэн хуулиар тогтоосон санал асуулга юм. Дээрх хоёр орноос ялгаатай нь УИХ-ын батлаад буй яг энэ хэлбэрээр буюу Үндсэн хуулийн 19 зүйл, 34 орчин заалт нэмэлт өөрчлөлтийг батлах эсэх учир хүмүүс асуудалд бодитоор хандах боломжтой хэрэг юм.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ард нийтийн санал асуулга явуулахад ирц хүрэхгүй байх эрсдэлтэй учраас сонгуультай хамтатган хийнэ гэж эрх баригчид ярих боллоо. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Сонгуультай хамт хийх гэдэг нь нэг талаасаа УИХ хугацаанаас өмнө тарна гэсэн үг шүү дээ. УИХ өөрөө тарах гол нөхцөлийг Үндсэн хуульд өөрт нь харьцангуй тодорхой зааж өгсөн. Энэ нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэх л нөхцөл бий. Тухайлбал, ямар нэг шалтгааны улмаас 19-өөс дээш тооны гишүүн чөлөөлөгдсөн буюу 56 гишүүнтэй болох, эсвэл 39 буюу Улсын их хурал хуралдах тооны гишүүнд цуглах боломжгүй болсон, улмаар хууль тогтоох бүрэн эрхээ эдлэх боломжгүй гэх ноцтой үндэслэл байх тохиолдолд л гагцхүү өөрөө тарах шийдвэр гарч таарна. Түүнээс биш УИХ өөрөө тараад, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах санал асуулгатай хамт ээлжит бус сонгууль явуулна гэдэг нь алсдаа их муу жишгийг тогтоох вий гэх болгоомжлол байна.Ялангуяа зардал хэмнэх гэдэг шалтгаанаар УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болно гэдэг бол хэрэг дээрээ хууль зүйн гэхээс илүү улс төрийн шалтгаан давамгайлж байгаа хэрэг. Иймд эрхбиш УИХ-д суудал бүхий намууд өнөө маргаашийн улс төрөө бус, улсын ашиг сонирхлоо тэргүүн ээлжинд тавина гэдэгт итгэж байна.Зардлын хувьд бид шууд Ерөнхийлөгчийн зардалтай харьцуулах нь хэр үндэслэлтэй юм бол гэх асуулт байгаа юм. Учир нь иргэд Үндсэн хуульдаа буюу бүх нийтээр дагаж мөрдөх, хамтын амьдралынхаа хувь заяаг шийдэх асуудалдаа юу орж буйг мэдэх эрхтэй шүү дээ. Түүнийг нь таниулах, ойлгуулах, бусад зүйлстэй харьцуулах боломжийг олгоход мэдээж зардал гарч таарна. Сонгуулиас тэс өөр шүү дээ. Сонгуульд нэр дэвшигч өөрийгөө, мөрийн хөтөлбөрөө иргэдэд ойлгуулахад одоо урьдчилсан байдлаар гараад буй дүнгээс ч давах магадлалтай.

-1945 оноос хойш Ард нийтийн санал асуулгад оролцсон туршлага бидэнд бараг байхгүй. Хэрэвзээ санал асуулга хийвэл иргэн хүн ямар үүрэг, хариуцлага хүлээх вэ?

-Хэдийгээр бид түүхэндээ анх удаа буюу 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр Монгол Улс тухайн үеийн Хятад, өнөөгийн Тайваниас тусгаар улс болох асуудлаар өөрийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байснаар мэдэх боловч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлахын тухайд мэдэхгүйгээс огт ялгаагүй. Бидний төдийгүй, Монгол Улсын түүхэнд бол цоо шинэ хуудас гэж хэлж болно. Мөн бидний хувьд дахин бараг л олдохгүй боломж шүү дээ.Онолын хувьд энэ нь “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэх зүйр үг лугаа адил Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санал асуулгаар батлах нь угтаа энэ орны эзний хувиар асуудлаа өөрөө шийдэх гэх агуулгыг тээж байдаг.Тиймдээ ч эзэн нь шийдсэн асуудлаар төрийн эрхийг ард түмнээс шилжүүлэн авсан Ерөнхийлөгч хориг тавих, мөн Цэц уг асуудлыг дахин хянах хууль зүйн боломж байхгүй нь Үндсэн хуулийг тогтоосон эзэд нь Ард түмэн хэмээн үздэгт оршино. Дахин сануулахад энэ орны эзэд нь та бид, тиймдээ ч манай орны Үндсэн хууль “Монголын ард түмэн бид” гэж эхэлдэг нь тохиолдлын хэрэг биш шүү дээ. Иймд иргэд бид уг санал асуулгад эзний хувиар хандан оролцож саналаа өгөх нь эрх, мөн үүрэг нь ч болно.


Categories
мэдээ цаг-үе

Ё.Баатарбилэг: Ирэх онд шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор барина

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.

-Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал энэ сарын 26, 27-ны өдрүүдэд болно. Хурлаар юу яригдах бол?

-Шинжлэх ухааны ажилтнууд анх удаа улсын хэмжээнд их хурал хийх гэж байна. Монголын шинжлэх ухаан XX зуунд харьцангуй амжилттай, сайн хөгжсөн гэж үздэг. Монголчууд сансарт хүртэл хүн нисгэсэн шүү дээ. Тэр хэмжээнд хүртлээ л шинжлэх ухаан хөгжсөн хэрэг. Гэтэл сүүлийн 30-аад жил шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт багасан, эрдэмтдийн нийгмийн асуудал нь орхигдож, шинжлэх ухааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт нь зарим талаар ойлгомжгүй байдалд орсон байна. Ойлгомжгүй гэдэг нь хуучин их сургуулийн багш, судлаач, эрдэмтэд өөр, өөрсдийнхөө чиглэлээр Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдэд давхар судалгаа хийдэг байсан. Харин Их сургуулиуд сургалтын үйл ажиллагаагаа тусдаа явуулдаг болсноос хойш хүрээлэн, их сургуулиуд салангид мэт болчихсон. Шинжлэх ухааны, академийн болон их сургуулиудын дэргэдэх хүрээлэн гэж тусад нь салгаж ойлгомжгүй зохион байгуулалт хийсэн. Энэ удаагийн Их хурлаараа бүтэц зохион байгуулалт, эрдэмтдийн цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлууд, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн бие даасан байдал, олсон орлогоо өөрсдөдөө зарцуулдаг болох зэрэг маш олон жил яригдсан асуудлууд хөндөгдөнө.

Түүнчлэн Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Инновацийн тухай хуулиудыг өргөн барьсан. Хуулиудтай холбоотойгоор эрдэмтэн, судлаачдаас тодорхой саналууд гарах байх гэж үзэж байгаа. Хууль эрх зүйн орчны томоохон шинэчлэлийн асуудал яригдана гэж хэлж болно. Мөн өнөөдөр Монголын шинжлэх ухаан хаана явна, ямархуу байр байдалтай байна, ямар асуудал тулгарч байгаа, тэдгээрийг шийдэх гарц гаргалгаа нь юу вэ гэдгийг ярих юм.

-Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт хангалтгүй байгааг салбарынхан шүүмжилдэг. Үүнд Засгийн газраас хэрхэн анхаарах вэ?

-Судалгаа явуулах санхүүжилт хангалтгүй байгаа. Улсын төсвөөс жилд 10-12 тэрбум орчим төгрөгийг Монголын нийт шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд зарцуулж байна. Энэ нь олон улсын юм уу, гадны өндөр хөгжилтэй орнуудын шинжлэх ухааны томоохон ганц төсөл хэрэгжүүлэхээр л мөнгө юм. Ийм л мөнгийг бүхэл бүтэн нэг улс шинжлэх ухаандаа зарцуулж ирсэн байна. Энэ мөнгөөр л манай 2000-3000 эрдэмтэн, судлаач судалгаа, шинжилгээгээ хийдэг байх нь. Тиймдээ ч “Аманд ч үгүй, хамарт ч үгүй” болчихоод байгаа юм. Судалгаанууд нь дотроо янз бүр байдаг. Олон улсын түвшний хамтарсан, өөрийн орондоо хийж байгаа макро, бодлогын хэмжээний судалгаанууд байна. Манайд дөнгөж хөгжиж байгаа салбар шинжлэх ухаануудын маш өндөр өртөгтэй нарийн судалгаанууд ч бий. Эдгээрийг дээрх төсвөөр бүрэн сан-хүүжүүлэх боломжгүй. Үндсэндээ бид жолоочид нь УАЗ-469 унуулчихаад Ланд-200 машин шиг хурд хүч гарга, түүн шиг тав тухтай бай гэж шаардаад байгаатай л адил юм.

Иймд бид Засгийн газрын 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх зорилтуудыг биелүүлэх чиглэлд анхаарч байна. Ерөнхий сайд өнгөрсөн хавар шинжлэх ухааны эрдэмтэдтэй уулзан санаа бодлыг нь сонссон. Мөн энэхүү Их хурлыг ивээлдээ авч зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой. Засгийн газрын тэргүүн өөрөө шинжлэх ухааны салбарт онцгой анхаарч байгаа нь төсөв санхүү болон зохион байгуулалтын хувьд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Ирэх 2020 оны улсын төсөвт шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн байр, лаборатори бүхий цогцолбор байгуулах ажлыг эхлүүлэхээр Ерөнхий сайдын зүгээс Сангийн сайдад чиглэл өгсөн. Энэхүү цогцолбор 2020 оноос Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж эхэлнэ. Энэ нь тус салбарт сүүлийн жилүүдэд хийгдээгүй том хөрөнгө оруулалт болно. Мөн Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтийн асуудал төдийгүй эрдэмтдийг дэмжих чиглэлээр хэд хэдэн ажлууд зохион байгуулагдаж байгаа. Эдгээр зүйлс Их хурлаар яригдаж, Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гарна байх гэж бодож байна.

-Шинжлэх ухааны салбарын хэд хэдэн хуулийн төслийг өргөн барьсан. Ямар гол зохицуулалтууд тусгасан бэ?

-Шинжлэх ухаан, технологийн тухай хуулиар шинжлэх ухаан технологийн талаарх нэр томьёонууд, цаг үеийн шаардлага хангахгүй бүтэц, зохион байгуулалтын асуудлуудыг цэгцэлнэ. 1990-ээд онд баталсан, сүүлд ганц, хоёрхон нэмэлт орсон Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд инноваци зэрэг томъёо нь бараг байхгүй юм. Мөн эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлыг үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой зохицуулалт орж ирнэ. Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал дээр төрийн бодлогыг тодорхой гаргаж ирж байгаа. Хууль өргөн агуулгатай учир эрдэмтдийн олон жил ярьсан зүйлүүд тусгагдаж байгаа. Олон улсын байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын болон хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд судалгаа, шинжилгээ хийхэд эрхзүйн олон асуудал гарч ирдэг. Тэр бүрийг энэ хуулиараа нарийн зохи-цуулаад явах боломжтой гэж үзэж байгаа.

-Судалгаа, шинжил-гээний санхүүжилтээс гадна ямар өөр асуудлуудыг эрдэмтэн, судлаачид хөнддөг юм бэ. Нийгмийн асуудлуудыг шийднэ гэж ярьж байна. Энэ хүрээнд тэд ямар байр суурь илэрхийлдэг бол?

-Эрдэмтэд хамгийн да-руухан хүмүүс. Судалгааныхаа санхүүжилтийн асуудлыг л ярина. Өөрсдийнхөө нийгмийн асуудлыг барагтай л бол ярихгүй. Би тэдэнд “Та нар ийм чухал судалгаа, шинжилгээний ажлууд хйиж байгаа бол үүнийгээ олон нийтэд хүргэх хэрэгтэй. Сурталчлах тал руугаа анхаарч, чухал нээлтүүдээ олонд мэдүүлмээр байна” гэдэг юм. Их хурлын үеэр эрдэмтэд тэр дундаа залуу эрдэмтдийн нийгмийн баталгааны асуудал яригдана байх. Нөгөө талаараа тэд үнэхээр л эрдэмтэд юм бол ямар судалгаа, шинжилгээний ажил хийв, тэдгээр нь амьдралд хэрэгтэй байна уу, эсвэл зүгээр л урсгалаараа цаг нөхцөөж, төсвөөс цалин аваад явна уу гэдгийг ч харах хэрэгтэй юм.

-Аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандах нь чухал гэдэг. Энэ талын уялдаа холбоо нь ямар байна вэ?

-Төрийн бүх шатны албан тушаалтнууд тодорхой хөрөнгө оруулалт, судалгаа, шинжилгээтэй холбоотой томоохон төсөл хэрэгжүүлж, бодлогын шийдвэр гаргахдаа шинжлэх ухааны байгууллагуудын судалгаан дээр үндэслэж, тухайн салбарынх нь эрдэмтдийнх нь санаа оноог тусгадаг байх хэрэгтэй. Үүнийг олон жил ярьж байгаа. Төрийн байгууллагууд, шинжлэх ухааны байгууллагуудаа ингэж уяж өгөх нь тун чухал. Тэгэхгүй бол тэнд эрдэмтэд баахан судалгаа хийж орхидог, дарагдчихсан л байгаад байдаг. Тэрийг нь ашигладаг ч хүн байдаггүй. Яамдууд дээр шийдвэр гаргахдаа шинээр судалгаа хийж байгаа нэртэй хэсэг эрдэмтэд төсөл авдаг. Ийм асуудлуудыг ч цэгцлэх ёстой байгаа юм.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ард нийтийн санал асуулга явуулахын тулд УИХ хугацаанаасаа өмнө тарна гэж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ хугацаанаас өмнө тарах тухай асуудал хоёр оны заагаар яригдаж, цөөнгүй гишүүд гарын үсэг зурсан байх. Тухайн үед Их хурал чадамжгүй болчихлоо, ажлаа хийж чадахгүй нь, гишүүд хариуцлагагүй, хэрэг түвэгт олноороо орооцолдож байна гэдэг үүднээс УИХ тарах нь зүйтэй гэж гишүүд үзсэн. Улмаар энэ асуудал намжсан. Энэ удаад Ерөнхийлөгчийн зүгээс “Үндсэн хуулиа баталчихаад энэ УИХ тар. Энэ Их хурлын гол ажил бол Үндсэн хууль юм” гэж хэлсэн. Гишүүдийн зүгээс ч УИХ Ард нийтийн санал асуулгатайгаа холбоотойгоор сонгуулиа наашлуулчихвал төсвийн 30-иад тэрбум төгрөгт хэмнэлттэй юм гэж ярьж байгаа юм билээ. Түүнээс УИХ чадамжгүй болчихоод хугацаанаасаа өмнө тарах тухай ярьж байгаа хэрэг биш юм гэж миний хувьд ойлгосон. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгаж, УИХ нэлээд том ажлыг нугалчихлаа. Цаашлаад Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй юм гэж үзчихсэн. Үүнтэй хамт нэг мөсөн шинэ парламентаа бүрдүүлж, тус парламент нь шинэ Үндсэн хуулиараа үйл ажиллагаагаа явуулбал зүйтэй юм гэдэг зарчмын байр суурийг намын болон бүлгийн удирдлагын түвшинд яригдсан гэж ойлгосон. Ийм асуудлаар гишүүд чөлөөтэй санаа оноогоо хэлээд явж байгаа юм билээ.

-Таны хувьд тэрхүү байр суурийг дэмжиж байгаа юу?

-Нэгэнт Их хурлын гишүүд өөрсдөө Ард нийтийн санал асуулгатайгаа холбоотойгоор сонгуулиа нааш нь татаад явуулчихъя гэж байгаа бол татгалзах зүйл байхгүй. Энэ нь хариуцлагаас мултрах асуудал биш. Инх хурлын сонгуулийн хугацааг нааш нь татаж байгаа нь одоогийн гишүүд хариуцлагаас зугтаж байгаа хэрэг огт биш юм. Тэртэй тэргүй сонгогчдод тайлангаа тавиад, дүнгээ тавиулна. Сонгууль дөхчихсөн учраас эрх баригч нам өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргах нь гэж хардаж байгаа байх. Үүнийг олонхоороо л шийдээд явна. Хугацааг нь наашлуулж, Ард нийтийн санал асуулгатай хамт сонгууль явууллаа гээд эрх баригч намд нэмэх оноо авчрахгүй л байх. Сонгууль болдгоороо болж, өрсөлдөгч намууд өрсөлдөөд л явдаг шүү дээ.

Харин өмнө нь УИХ тарахыг дэмжиж байсан гишүүд өнөөдөр “Ерөөсөө тарж болохгүй гэж эрс эсэргүүцэж буйг ойлгохгүй байгаа. Хүн улс төрд явж байгаа бол нэг л байр суурь, зарчимтай яваасай гэж боддог юм.

-Төсөв мөнгө хэмнэх ёстой гэсэн хууль байхгүй. Харин ийм нэрийдлээр парламентын засаглалд буруу жишиг тогтоож, хямралд оруулчих вий, тогтворгүй байдал үүсгэчих вий гэх болгоомжлол байна л даа.

-Их хурлын гишүүдийн гуравны хоёроос дээш гишүүд нэгдэж гарын үсэг зураад, ээлжит бус сонгууль явуулах тохиолдол, тийм нөхцөл байдал тэр бүр амар бүрдэхгүй. Аль ч парламентын үед. Ялангуяа дийлэнх олонхын парламент бүрдэхгүй гэж ярьж байгаа нөхцөлд, олон намын төлөөлөлтэй болсон тохиолдолд бүр бүрдэхгүй. 51 гишүүн дэмжээд парламентаа тараана гэдэг нь тийм амар босго биш. Тэр талаасаа санаа зовохгүй байна.

-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталсан болон Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ыг тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэн, хориг тавьсан. Түүний энэхүү шийдвэрт та юу хэлэх вэ?

-УИХ-ын тогтоолыг хууль зөрчсөн эсэхийг УИХ-ын хуулийн хэлтсийнхэн тайлбарлах байлгүй. Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд цөөнгүй санал гаргаж, Зөвшилцлийн ажлын хэсгийг өөрөө ахалсан. УИХ дээр яригдсны эцэст Ерөнхийлөгчийн ихэнх заалтууд дэмжигдээгүй. Иймд Зөвшилцлийн ажлын хэсгийн ахлахгүй гэдгээ мэдэгдэж, түүн дээрээ ч хориг тавьж байгаа байх.

-Зарим сурагч сурах бичгээр бүрэн хангагдаагүй байна гэх гомдол гарч байна. Хэзээ бүрэн хангагдах вэ?

-Хэвлэгдсээр л байна. Өчигдөр (өнөөдөр) багцуудынх нь зөвшөөрөл ирж байна. Нийт 100 гаруй төрлийн гурван сая сурах бичиг хэвлэнэ. Тэр тийм ч амар ажил биш. Сурах бичиг хэвлэх мөнгөгүй байсан, бүтээсэн. Мөнгө өгч буй газар нь хяналтаа тавин ажиллаж байна. Ямартай ч аравдугаар сарын эх гэхэд сурагчид сурах бичгээр бүрэн хангагдана.

-Гурван ээлжээр хичээллэж буй сургуулиуд хэр их байна вэ. Ачаалал дорвитой буурч чадсан уу?

-Ганц, хоёрхон сургууль дээр л бий. Оны сүүл гэхэд хэд, хэдэн сургууль ашиглалтад орно. Тэр сургуулиуд орчихвол гурван ээлжээр хичээллэх сургууль байхгүй болно. Хамгийн их ачаалалтай байдаг Чингэлтэй, Баянзүрх дүүргийн сургуулиад гурван ээлжээр хичээллэхээ больсон. Өнгөрсөн жил гэхэд 30-аад сургууль гурван ээлжээр хичээллэж байсан. Энэ жил арай л аятайхан болж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Бумдарь: Парламент өөрөө санал гарган тарвал нийгэм тогтворгүй болж, үймээн самуун руу орно


МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.


-Ард нийтийн санал асуулгын ирцийг хүргэхийн тулд УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль хийх тухай яригдаж эхэллээ. УИХ ямар тохиолдолд тардаг юм бэ?

-Ард нийтийн санал асуулга /АНСА/ юунд зориулагдаж хийгддэг вэ гэдгийг бид харах ёстой. Гурван тохиолдолд ард нийтийн санал асуулга явуулна гэж хуульд заасан байдаг.

Түүний нэг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт мөн. Их хурал тарах засаглалын хэлбэр ямар байх эсэхийг асууна гэж байгаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой гарч байгаа улс төржилт.

АНСА явуулаад, эсвэл явуулж чадахгүй байгаа энэ тохиолдолд УИХ тарах ёстой гэх зохицуулалт холбогдох хуулиудад байхгүй. Тэгэхээр өнөөгийн энэ нөхцөл байдлыг улс төржилт гэж харж болно.

-СЕХ-оос Ард нийтийн санал асуулгад 12 тэрбум шаардлагатай гэсэн боловч, УИХ-дээр 30 тэрбум шаардлагатай гэж яригдаж буй. УИХ-ын дарга үүнийг бууруулах чиглэл өгсөн гэж ч мэдэгдсэн.

Ийнхүү хуурамчаар нэмэгдүүлэн төсөв хүрэхгүй байна гэх нэрийдлээр УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль хийх нь гэх хардалт ч байна л даа.

-АНСА-ын тухай хуульд Ерөнхийлөгч болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд ашиглаж байсан зүйлүүдээ ашиглаж болно гэсэн заалттай байдаг. Тэгэхээр бид сонгуульд хэдэн төгрөгийн зардал гаргадаг юм бэ гэдгийг харах боломжтой болж байна.

Мөн сонгууль шиг ач холбогдол өгөх ёстой байх нь гэж ойлгож болно. Төсвийн асуудлын тухайд шууд тэд байсан гэдгийг би хэлэх боломжгүй. Судлагдсаны үндсэн дээр гарсан төсөв тооцоог УИХ-аар оруулсан болов уу.

Тэрхүү төсөв тооцоо хангалттай гэж СЕХ-ноос тооцсон бол нэмэлт зардал нь юутай холбоотой байсан юм бэ гэдгийг тодруулах ёстой.

Магадгүй ард иргэдэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг танилцуулах, агуулгыг нь ойлгуулах сурталчилгааны зардлууд орж ирсэн байх гэх таамаг байна.

-Таныхаар УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах нь хэнд ашигтай вэ?

-Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үнэмлэхүй олонхоороо шийдэж байна гэдэг үүднээс сөрөг хүчин гарч ирж байна.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төсөл, санал түүнд давуу эрх үүсгэх байсныг нь болиулсан.

Тэгэхээр буцаад сөргүүлж тавьж байгаа хариу улс төржилт нь засаглалын хэлбэр лүү орж ирж байгаа юм. Засаглалын хэлбэрийг АНСА-аар асуух боломжгүй. Зорилго нь тодорхой.

Олонх дангаараа үүнийг шийдэж чадаж байгаа юм уу, үгүй юу, хэрэв эд нар үүнийг хийчих юм бол засаглалын хэлбэрээр попролт явуулъя л гэж байгаа хэрэг. Ерөөсөө нэг л зүйлийг харах хэрэгтэй.

Эрх баригчид, сөрөг хүчин, улс төрийн намууд, аливаа албан тушаалтнууд өөр өөрийн зүгээс тайлбар тавиад, асуудал дэвшүүлээд байгаа учир нь тэнд эрх ашиг байгаатай л холбоотой.

Тэд Монгол Улсын ирээдүйд, нийгэмд сайнаар тусах зүйл нь юу байв гэдгийг тооцоолж чадаж байна уу гэвэл эргэлзээтэй. Засаглалын хэлбэрийг өөрчилснөөр тэрхүү систем нь гацахгүй явна гэдгийг тэр хүмүүс баталж чадах уу.

Тийм загварчлал гаргаж ирсэн юм уу. Гэх мэт нарийн зүйл рүү ороод ирэхээр юу ч байхгүй. Энэ мэт улс төржилтөөс иргэд л хохирно.

Улс төр гэдэг өөрөө эрх мэдлийн салбар. Эрх мэдэл гэдэг өөрт нь байр суурь, албан тушаал, бусад дагалдах ашигт байдлыг үүсгэдэг.

Энэ бол зүй тогтол нь. Тиймдээ ч үүнийгээ алдахгүй байх сонирхол улс төрчдөд үргэлж байх болно.

-Хэрэв энэ УИХ хугацаанаасаа өмнө тарчихвал парламентад муу жишиг тогтох эрсдэлтэй юм биш үү. Энэ нь ямар үр дагавартай шийдвэр вэ?

-УИХ тарахыг санаачлах хоёр субъект бий. Тэр нь Ерөнхийлөгч болон парламентын гишүүд өөрсдөө. Үнэхээр гишүүдийн 2/3 нь бид хугацаанаасаа өмнө таръя гэсэн шийдвэр гаргасан юм уу. Тийм байхгүй л байгаа шүү дээ.

Ерөнхийлөгч парламентыг тараахыг хүсэж байна гэдэг зүйл Энхболдын үед байсан болохоос биш өнөөдөр албан ёсоор “Та нар чадамжгүй байна. Тарах хэрэгтэй” гэсэн саналыг парламентын даргад өгчхөөгүй байна.

Тиймээс үүнийг попролт гэж харах ёстой. Хуулиараа дээрх хоёр субъект санаачилсан тохиолдолд хэлэлцээд тарж болно. Энэ нь эрх зүйн хувьд боломжтой.

-Таван гишүүн гарын үсэг зурахад л УИХ-ыг тараах албан бичиг бэлэн болох нь гэх мэдээлэл ч байна. Магадгүй энэ нь бусад гишүүдийг.гарын үсэг зуруулахын төлөөх шахалт байх л даа. Энэ тухайд?

-Гишүүдийн 2/3-ынх нь гарын үсэг бүрдээд энэ асуудал орж ирлээ ч чуулганы хуралдаан дээр дэмжигдэх эсэх нь эргэлзээтэй. Дотроо хэр эв нэгдэлтэй байж чадах вэ гэдэг асуудал ч үүн дээр хөндөгдөнө.

Манай улс төрийн намын хөгжил, төрийн бодлогын асуудал урвуу байгаагийн баталгаа нь нам доторх фракцтай холбоотой байдаг шүү дээ.

-Зарим гишүүдийн зүгээс энэ удаад парламентын засаглалын дархлаа хөндөгдөж мэдэх учраас УИХ тарахыг дэмжихгүй гэсэн байна. Яригдаад буй энэ асуудлууд парламентын засаглалын дархлаанд нөлөөлөх үү?

-2020 оны сонгууль болоход сайндаа л хагас жилийн зай байна. Сонгууль дөхөж байгаа нь үнэн. Одоогийн АНСА магадгүй өнөөгийн парламентын дүгнэлт болохуйц үр дүнг гаргана гэж болгоомжилж бас болно.

Гэхдээ энэ хоёр тэс ондоо зүйлс. Нэг нь Их хурлын сонгууль, нөгөөх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал. Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Ард нийтийн санал асуулгаар энэ өөрчлөлтийг хийх нь зөв үү, буруу юу гэдгийг л харах хэрэгтэй.

УИХ өөрөө чадамжтай, чадамжгүй байна гэдэг чинь өөр асуудал. Үүнийг эхлээд бид ялгаж харах хэрэгтэй.

Парламент үлдсэн хугацаагаа үргэлжлүүлсэн нь дээр гэж миний хувьд харж байгаа. Нэгмөсөн л ээлжит сонгуулиа хийх хэрэгтэй. Ээлжит бус сонгууль хийхээр дахиад зардал нэмэгдэнэ.

Төвхнөх гэсээр хавар болно. Хаврын синдромыг хөдөлгөнө. Энэ нь өөрөө тун аюултай.

Парламентын засаглал доголдож байна, энэ хэцүү юм байна гэдгээр массыг угаах боломж бүрдэнэ. Тархи угаалтад өртдөг буурангуй нийгэмд институц руугаа хамаагүй орох нь аюултай.

-Эрх баригчид УИХ тарах мэтээр ярьж байгаа ч үнэн хэрэг дээрээ ээлжит сонгуулийн хугацааг нааш нь татах сонирхолтой байгаа ч гэх юм. Энэ нь хэр зөв юм бэ?

-Гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгаад дараагийн сонгууль зарлагдана, ээлжит сонгууль тэдэнд болно гэсэн хуулийн заалттай шүү дээ. Тэгвэл тэр хуулиа яах юм.

Парламентаа дахиад өөрчлөх юм уу. Хуульд юу гэж заасан байгаа юм, түүнийгээ л хараач гэж хэлмээр байгаа юм. Монгол Улс тэр чигтээ улстөрчдийн нийгэм болчхоод байна.

Энэ асуудлаа эргэж харж, цэгцлээч, эрэмбэ дарааг нь хараач ээ гэж хүсмээр байгаа юм. Ээлжит сонгуулийг арваннэгдүгээр сард нааш нь татна, тэр үеэр АНСА нь болно гэж үзэх юм бол бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жил байна гээд тангараг өргөчихсөн гишүүд чинь яах юм.

Наанадаж сэтгэл ханамжтай байж чадах юм уу. Ямартаа ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тойрсон энэ улс төржилт үе шаттайгаар маш их хийгдэх байх гэж бодож байна.

-Гэхдээ УИХ-ын дарга нь өөрөө УИХ-ыг тараах, парламентын засаглалынхаа дархлааг сулруулах зүйлийг яриад байж болох юм уу. Ер нь энэ УИХ-ын үед парламентын засаглал уначихаж байгаа юм биш үү?

-МАН өөреө парламентын сонгуульд орохдоо ямар зорилго тавьсан юм, мөрийн хөтөлбөр нь биелсэн үү гэх зэргээр бодит байдлыг харах юм бол санаанд орсон зүйлээ яриад байж болохгүй л дээ.

Энэ нам зорьсон зорилгынхоо тодорхой хувийг биелүүлэхийн төлөө зорих ёстой. Янз бүрийн шахалт, үгэнд орохгүй гишүүддээ сануулга өгөх тактик байхыг үгүйсгэхгүй.

Түүнээс бүхэн бүтэн 65 гишүүн нэг намаас гарч ирнэ гэдэг амаргүй. Угтаа энэ нөхцөл байдал нь тэдэнд ашигтай шүүдээ. Үүнийг ахалж байгаа хүн нь ийм юм ярьж байгааг харахад дээрх зорилгоор л болов уу.

Спикер бол хурлын үйл ажиллагааг журмынх нь дагуу явуулах, зохион байгуулах, ямар асуудлуудыг ярилцахыг шийддэг энгийнээр хэлэхэд хамгийн том менежер.

Зорилгод мэддэг, асуудлаа ойлгодог, туршлагатай тийм л хүнийг гишүүд сонгож байгаа. Тиймдээ ч парламентын дарга өөрөө тийм зүйл ярьж байгаа нь миний бодлоор сануулга байх.

Хэрвээ УИХ эхлээд “Таръя” гэх санал оруулж ирээд тарахаар болбол нийгэм тогтворгүй болж, үймээн самуун руу орно гэж ойлгох хэрэгтэй.

Бид өнөөдөр эдийн засгийн хувьд ямар потенциалтай билээ. Мөн бид олон улсад ямар байр суурьтай, Монгол өөрөө хэн юм бэ гэдгээ бодох хэрэгтэй.

Энэ утгаараа бид аль болох тогтвортой, эвтэй байхыг эрхэмлэх нь чухал. Улс төрөөс болж бид хямармааргүй байна шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Гомбожав: Ард нийтийн хэлэлцүүлэг бус ард нийтийн санал асуулга явуулах гэж байгаа нь хууль зөрчиж байна

Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч, АИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожавтай ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг өндөрлөж, Ард нийтийн санал асуулга явуулахаар болж байна. Таны хувьд энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд ямар байр суурьтай байгаа вэ?

-“Өдрийн сонин”-ы сэтгүүлч надтай ярилцлага хийж байгаад баяртай байна. Танай сонинд ярилцлага өгөөгүй багагүй хугацаа болсон байна шүү. Миний хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх нь зөв гэж бодож байгаа. Гэхдээ одоогийн Улсын Их Хурлаар хэлэлцээд гарч байгаа нэмэлт, өөрчлөлт миний болоод миний эргэн тойрны хүмүүсийн хэрэгцээ, шаардлагыг хангахгүй байна. Би анхнаас нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг буруу шийдвэрлэж байна, хууль зөрчөөд байна гэдгийг хэлсэн.

-Хэрхэн зөрчиж байна вэ?

-Үндсэн хуулийн зургадугаар бүлгийн 68.1-т “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн Цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно. Тэгэхээр Ерөнхийлөгч, УИХ гишүүн, Засгийн газар Үндсэн хуулийн төсөл санаачлаад түүнийгээ шууд УИХ-д өргөн барих ёсгүй. Эхлээд Цэцэд өгөх ёстой байдаг. Манаачид нь хэлэхгүйгээр хулгай хийж болохгүй. Ямар өөрчлөлт оруулах гэж байгаагаа манаач нь болох Цэцэд хэлнэ. Цэц юу гэж хэлнэ түүгээр нь шийднэ гэсэн заалт байдаг. Энэ удаад 62 гишүүн төслөө эхлээд УИХ-ын даргад өргөн барьсан. Харин 14:00 цагт Цэцийн даргад төслөө өргөн барьсан.

Цэц үүний хариуг зургадугаар сарын 13-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн. Тэр бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрх бүхий байгууллага. Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн гэж заасан бөгөөд Үндсэн хуулийн Цэц эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхгүй болно. Монгол улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц суурь үзэл баримтлалын агуулгад бүрнээр нийцсэн байвал зохино” гэжээ. Үүнээс хоёр санаа гарч байгаа юм. Нэгдүгээрт, энэ удаагийн төсөл Үндсэн хуулийн үндсэн суурь үзэл баримтлалд нийцээгүй төсөл байна. Тиймээс бид үүнийг өргөн барихгүй гэж. Нэгэнт Цэц ингээд шийдчихсэн байгаа нөхцөлд УИХ хэлэлцүүлгийг явуулах ёсгүй. Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулбал заавал Ард нийтийн санал асуулга явуулах ёстой. Иймд УИХ-ын гишүүд Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах эсэхээрээ заавал ард нийтээсээ санал асуулга авах ёстой юм. Түүнийхээ дарааагаар төслөө боловсруулах учиртай. Бид 1992 оны Үндсэн хуулийг хийхдээ эхлээд Ерөнхийлөгчөөр удирдуулсан Үндсэн хууль боловсруулах ажлын хэсэг томилсон. Дараа нь Улсын Бага хурлын хоёр удаагийн хэлэлцүүлэг хийсэн. Ард нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан гэсэн үг. Цэц энэхүү төслийг болно гэж үзсэн бол ард нийтийн хэлэлцүүлэгт оруулах ёстой. Гэтэл одоо ард нийтийн хэлэлцүүлэг бус ард нийтийн санал асуулга явуулах гэж байна. Энэ нь ард нийтийн асуулгын тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг болно. Учир нь ард нийтийн санал асуулга явуулаад үүнийг сонгогчид дэмжсэн бол эргээд түүнийг УИХ хэлэлцэх боломжгүй.Түүнийг батлагдсанд тооцно. Хэрвээ түүнийг дэмжээгүй бол хүчингүй болдог. Ард нийтийн санал асуулгын хуулинд эдгээр зүйлсийг маш нарийн зааж өгсөн. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4.3-т Ард нийтийн санал асуулгыг нэг удаад гурваас доошгүй асуудлаар явуулах бөгөөд санал асуулга явуулах асуултын тоо, агуулгыг УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Гэтэл уг хуулийг мөн зөрчиж байна. Гурваас доошгүй асуудлаар л санал асуулга явуул гэж заасан байхад 35 зүйлтэй төслөөр санал асууулга явуулах гэж байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр санал асуулга явуулахдаа дэмжинэ, дэмжихгүй л гэж асуух ёстой юм биш үү?

-Дэмжсэн, дэмжээгүй гэж асуух ёсгүй. Агуулгаар нь л асуух ёстой. 35 зүйлтэй төсөлд зарим хүний дэмжиж байгаа заалт ч байна. Дэмжихгүй заалт ч бий. Би УИХ-ын баталсан тогтоолыг уншсан. Түүнд хоёр зүйлийг хамтатгаад хийчихэж. Ард нийтийн санал асуулга явуулах, нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай гэсэн гарчигтай байна. Энэ бол тус тусдаа асуудал. Хэрвээ нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталчих юм бол Ард нийтийн санал асуулга хийх ямар хэрэг байна вэ. УИХ-ын шийдвэр эцсийн байдлаар гарчихаж байгаа биз дээ. Энэ мэт асуудлуудаас үүдэн бид 62 гишүүнийг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн. Цэц шударга ажилладаг бол дүгнэлт гаргах ёстой. Харамсалтай нь УИХ-ын зарим удирдлага Цэцтэй тохиролцоод маргаан үүсээд байгаа асуудлыг гурван сар гаруй хугацаанд дарж байна. Ийм байж болохгүй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс онцолж хэлэх заалтууд нь юу байна вэ?

-Үндсэн хууль байтугай аливаа хуулийг хийхдээ ард түмнээ хуурах зорилгоор хийдэггүй. Жишээ нь, УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоовол эгүүлэн татна гэсэн байна Энэ одоо ч хуулинд байгаа. Шүүх тогтооно гэдэг чинь шүүхийн шийдвэр гарсан хойно гэсэн үг. Гишүүнийг шалгахдаа бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд шалгах ёстой. Гэтэл түдгэлзүүлэх хууль байхгүй. Тэд хууль зөрчөөд Халдашгүй байдлын дэд хороог байгуулсан. Тэр нь парламентад хамгийн олон жил суусан дөрөв, таван хүний бүрэлдэхүүнтэй. Тэд УИХ-ын халдашгүй дархан байдлыг хангана гэж байгаа ч гишүүдэд ял завших боломжийг хуулиар олгож байна. Шалгах боломжийг нь олгодоггүй, шалгачихаад шүүх рүү шилжүүлье гэхээр өгдөггүй. Өнөөдрийн байдлаар 75 гишүүдийн 50-иад нь асуудалтай байна. Хэрвээ өөрчлөх байсан бол УИХ-ын гишүүнийг шалгах эрх нь нээлттэй байх байсан. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. УИХ-ын гишүүн байлаа гээд халдашгүй дархан эрхтэй байж болохгүй. Би УИХ, Засгийн газрын удирдлага бүрдэхэд “Та нар Халдашгүй байдлын дэд хороогоо хүчингүй болго. Жирийн иргэдээс өөр эрх ямба эдэлж, хууль зөрчиж байна” гэдгийг тодорхой хэлсэн.

-Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт өнөөгийн нөхцөл байдлыг дээрдүүлж, хэдэн алхам урагшлах боломжийг олгож чадах уу?

-Энэ төслийн цөөнгүй заалт төрийн дээр нам гарахад чиглэгдсэн. УИХ-ын гишүүн хэлэлцэж байгаа асуудлын талаар илээр гаргана гэж оруулсан нь намын дарга, бүлгийн дарга нарын хараа хяналт дор саналаа өгнө гэсэн үг. Хэрэв эсрэг санал өгвөл намаасаа хөөнө, дараа сонгуульд нэр дэвшүүлэхгүй, албан тушаал өгөхгүй гэх зүйлийг ярина. Ингэхээр УИХ-ын гишүүн ард түмний бус намын төлөөлөл болж хувирч байгаа юм. Ил санал хураалтын хамгийн хортой тал нь энэ. Мөн Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлнэ гэж байна. Энэ нь яамд болоод сайд нарын тухай асуудал биш. Агентлаг, газар хэлтэс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хороо хүртэл эрх баригч нам ажил олгогч болж хувирна. Энэ нь дэвшил бус харин ч ухралт болж байна.Ерөнхий сайд өөрөө Засгийн газраа бүрдүүлэхээр түүний таньдаг, мэддэг хүмүүс л томилогдоно. Аль ч улсад Засгийн газрын гишүүдийг УИХ-ын хяналтад оруулдаг. Ингэснээрээ Ерөнхий сайдад тусалж байгаа хэрэг юм.

-Дордуулсан долоон өөрчлөлтийг эргэн харснаараа ололттой зүйл боллоо гэдгийг хууль санаачлагчид хэлж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Үндсэн хуулийн Цэцээс 2011 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр тогтоол гаргасан байдаг. Тэрхүү тогтоолд “УИХ-ын 1999 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хуралдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгосугай. 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Үндсэн хуулийн бүх заалт хүчинтэй болохыг дурдсугай. Үндсэн хуулийн Цэцийн энэ шийдвэр эцсийнх бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр болно” гэжээ. Тэгэхээр тэр долоон заалтыг дахин хэлэлцэх ёсгүй юм. Дээрээс нь хүчингүй болчихсон тэр заалтуудыг 18 жил мөрдөөд явчихсан. Хууль зүй дээлдэг орон мөн л юм бол өнгөрсөн хугацаанд гарсан бүх шийдвэрүүд хүчингүй гэсэн үг. Дээрх дутагдлууд энэ жил дахин давтагдлаа.

-Таныхаар ямар өөрчлөлт хийх ёстой байв?

-Тогтолцооны томоохон өөрчлөлт хийх ёстой байсан. Ардын Их хурал, Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай болох ёстой. Дээр дурдсан алдаа завхралыг арилгахын тулд хоёр танхимтай болж, дээд танхимд нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга Дээд шүүхийн дарга, Улсын Ерөнхий прокурор, ШУА-ийн ерөнхийлөгч, Ерөнхий аудитор зэрэг цөөхөн хүнийг томилдог байх, хариуцлага тооцдог хэрэгтэй. Мөн УИХ-ын гишүүд, Улсын Бага хурлын гишүүдийг эгүүлэн татдаг гэх мэт цөөхөн эрх мэдэлтэй байх ёстой. Мөн Монгол Улсын дунд, урт хугацааны бодлогыг боловсруулдаг байх хэрэгтэй. Би энэ тухай буюу зөвхөн Үндсэн хуулийг гуравдугаар бүлгээр өөрчлөлт хийх төсөл боловсруулаад 2017 онд холбогдох байгууллагуудад өгсөн. Тэд хүлээж авдаггүй. Хүлээгээд авчихаар энэ хүмүүсийн төрийн мөнгийг шамшигдуулдаг, ял завшдаг байдал нь ил болох гээд байгаа хэрэг. Хамгийн сүүлд л гэхэд хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой өөрчлөлт оруулснаар ямар их хүн ял завшив. Тэр бүрт Монголын ард түмэн хохирч байна. Энэ бол дээд хяналтгүй парламент хэрхэн дураараа дургиж болдгийн тод жишээ. Би өөрөө АИХ-ын дарга байсан хүн. Намайг АИХ-ын дарга байх үед Улсын Бага хурал, шүүх, прокурор, Засгийн газар даруулгатай л байсан. Гомбожав ингэж байлаа гэж биеэ магтаж байгаа хэрэг биш. Хоёр танхимтай байхын ач холбогдол нь л энэ.

-Та шинэ Үндсэн хууль баталж явсан хүний нэг. Тухайн үед орхигдуулсан зүйл нь юу байсан бол?

-1992 оны Үндсэн хуульд бид дутуу бодож хийсэн хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, УИХ нь 76 гишүүнтэй, нэг танхимтай байна гэж заасан нь дутагдалтай. Манай улс нэг хүний захиргаадалтын дор 40, 50 явж ирсэн байсан учир түүнээс татгалзаж, 76 гишүүд төрийн эрх мэдлийг тэгш хувааж өгөх нь зүйтэй гэж үзсэн. Тэр утгаараа АИХ-ыг хугацаанаас нь өмнө татан буулгаж байлаа. Гэтэл нэг танхимтай 20 жил болоход хэмжээгүй эрхтэй, хяналтгүй, ард түмний бус, улс төрийн нам, эдийн засгийн бүлэглэлүүдийн төлөөлөл болоод хувирчихсан байна. Тэгэхээр 1992 оны Үндсэн хуульд хамгийн алдаатай, дутуу бодож хийсэн зүйл нь парламентыг нэг танхимтай болгосон явдал. Дэлхийн хөгжсөн улс орнууд бүгд хоёр танхимтай байгаа. Танхимын гишүүдийнх нь тоо манайхаас хавьгүй олон. Манай УИХ-ын гишүүд Герман, Англи, Америк, Японы хуулиуд ийм байдаг гээд ярьдаг. Гэхдээ тэд хоёр танхимын тухай огт ярихгүй байна. Учир нь тэд өөрсдийнхөө дээр ард түмний хяналтын дээд танхимтай байхыг зөвшөөрөхгүй байгаа юм. Энэ нь эх орны баялгийг хэсэг бүлэг нөхдүүд идэж байх зорилготой.

Хоёрдугаарт, бид Үндсэн хуулийн Цэцийг томилох ажлыг дутуу бодож хийсэн. Ерөнхийлөгч, УИХ тус бүр гурав гурвыг, харин үлдсэн гурвыг нь Дээд шүүх санал болгож томилдог. Эдгээр хүмүүс ард түмний нэрийн өмнөөс Үндсэн хууль биелүүлж байна уу гэвэл үгүй. Харин ч Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхэд үйлчилдэг болчихоод байна. Тийм Цэцийг татан буулгаад Дээд шүүхэд харьяалуулах, төрийн засаглалын хэлбэрт хяналт тавьдаг энэ үүргийг дээшлүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүх, прокурор зэрэг нь үндсэн хууль зөрчиж байгаа бол үг дуугүй шүүх байгууллага руу чиглүүлэх ёстой. Одоо томилгоо нь буруу байгаагаас гадна эрх мэдэлгүй, зөвхөн дүгнэлт гаргаж байна. Дүгнэлт гаргалаа ч түүнийг нь хүлээж авдаггүй байдалд орчихсон.

Гуравдугаарт, Дээд шүүхэд хууль зөрчсөн, төрийн залгамж чанарыг зөрчсөн, ард түмний тархи толгойг буруу тийш нь эргүүлсэн намуудыг тараадаг, хүчингүй болгодог эрх мэдэл нь алга. Энэ эрхийг өгөөгүй нь буруу зүйл болсон. Зүгээр л бүртгээд орхидог. Угтаа нэгэнт л бүртгээд эрхийг нь олгож байгаа бол эрх, үүргээ биелүүлээгүй тэдгээр намуудад хяналт тавьдаг, хариуцлага тооцдог байх ёстой. Хязгааргүй эрх мэдэлтэй парламенттай байна. Тэр парламентад хяналт тавьдаг байгууллага нь эрх мэдэлгүй, улс төрийн байгууллагуудын төлөөлөл болчихжээ. Тиймдээ ч манайд засаг төрийн хямрал нүүрлэчихэж. 1992 оны Үндсэн хуулийн хамгийн том ололт нь төрийн дээр нам байсныг болиулсан. 1990 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Ардын их хурал чуулган хийж Үндсэн хууль дахь Нам бол манай нийгмийг удирдан чиглүүлэх хүч мөн гэх заалтыг хасан төрийн дээр ард түмнийг тавьсан. Гэтэл өнөөдөр ард түмний эрх мэдлийг улс төрийн намууд авчихаад байна. Эрх үүргээ мэддэггүй, мэдэхийг хүсддэггүй тийм хүмүүс төр төлөөлж байна. Тодруулбал, манай УИХ-д төрд бэлтгэгдээгүй хүмүүс сонгогджээ. Үүнээс болоод энэ 27 жилд Монгол Улс уул уурхай, байгалийн баялагаас гадна төрийн мэргэшсэн албан хаагчгүй болж хохирсон байна. Өнөөдөр яам, тамгын газрууд дээр тухайн намын төлөөлөл болсон хүмүүс л байгаа. Төр мэргэшсэн албан хаагчгүй болсон. Үүнийг нөхөхөд дор хаяж 20, 30 жил хэрэгтэй.

-Ард нийтийн санал асуулга явуулахтай холбоотойгоор Ерөнхийлөгч засаглалын хэлбэрийг асуух хэрэгтэй гэсэн санал гаргасан. Энэ нь хуулийн хүрээнд боломжгүйгээс гадна эв нэгдлийг илэрхийлэгч төрийн тэргүүн ийм санал гаргаж байгаа нь буруу гэдгийг хуульч, судлаачид онцолж байгаа. Та үүнд ямар суурьтай байна вэ?

-Одоогийн төслийн хэдэн заалтууд бүгд өөр, өөрийнхөө эрх мэдлийг авч үлдэх, болж өгвөл нэмэгдүүлэх сонирхлоор хийгдэж байна. Улс орны эрх ашгийн төлөө гэх ганц ч заалт алга. УИХ-ын 76 гишүүн бүгдээрээ цугларч, хуралдаж хууль батлах үүрэгтэй. Тэр хуулийг Засгийн газар биелүүлж байна уу үгүй гэдэг дээр хяналт тавих ёстой. Ийм л хоёр үүрэгтэй байгууллага. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй байна. Энэ байдлаа ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулчихлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүдийн олонх буюу 39 нь ирснээр хурал эхэлнэ,хуулийг олонхын саналаар эцэслэн батална гэж байна. УИХ-ын гишүүн хуулийг эцэслэн батлахад нь гэхээсээ илүү хэлэлцэх үед нь ард түмнээ төлөөлж үгээ хэлэх нь чухал. Кноп дарахыг робот ч чадна шүү дээ.

Судлаачдын хэлж байгаагаар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн 45 органик хууль байгаа юм билээ. Ерөнхийлөгч бол аж ахуйн ажил руу орох ёсгүй хүн. УИХ ч тэр Өргөдлийн байнгын хороо гэж байгуулсан байна. УИХ ийм зүйл хийх ёсгүй. УИХ хуулийг л зөв гаргах, утааг арилгах бодлогыг нь л боловсруулж байх ёстой. Өргөдлийн байнгын хороог байгуулснаараа УИХ Засгийн газрын ажлыг нь булааж авч байгаа хэрэг. Ер нь энэ төрийн бүтэц зохион байгуулалт маш муу байна. Идэж, уух, шамшигдуулах болохоороо сарниулсан хууль тогтоомж гаргадаг. Газрын асуудлыг л гэхэд зургаа, долоон яам хариуцаж байна. Энэ утгаараа газрын асуудал ямар ч хяналтгүй байгаа юм. Дээрээс нь төрийн бүтцийг авсаархан, цомхон, чадварлаг болгомоор байна. УИХ-ын нэг гишүүн дөрвөн туслахтай. 76 гишүүний 300-аад туслахаас шилж сонгоод хууль боловсруулах ганц хүрээлэнтэй болж болно. Тэр хүрээлэнгээр бүх хууль дамжина гэсэн үг. Өнөөдөр гаргасан хууль тогтоомжууд насгүй байгаагийн учир нь хуулийг шүүж гаргадаг байгууллагууд муу ажилладагтай холбоотой. Үндсэндээ энэ төр дампуурчихсан байна. Энэ дампуурлаас салахын тулд бид авлигачид, оффшорчдоосоо салах хэрэгтэй. Хамгийн чухал нь ард түмний их хуралдай хийж, Ардын Их хурал, Улсын Бага хурлаа байгуулан засаг төрийн цоо шинэ тогтолцоонд орсон Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь зөв.

Үндсэн хууль гэдэг эхний өгүүлбэрээсээ авахуулаад эцсийн мэдэгтүн, сахигтун гэх үг хүртлээ төрөөс хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад оршдог. Үндсэн хуульд орсон үг өгүүлбэрийг улам сайжруулж, нарийсгаж явах ёстой.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд УИХ-аар Үндсэн хуулийг хэлэлцлээ. Манай ард түмэн Үндсэн хуулийн мэдлэг муу, тун сул гишүүдийг сонгожээ. Өнөөдрийн парламент бол Монголын сонгогчдын бүтээгдэхүүн шүү дээ. Сонгогчдод Монголоо гэх сэтгэл, зүтгэл алга. Бид сонгогчдын дутагдалд орсон байна. Бид цаашдаа үүнд онцгой анхаарч, зөв зүйтэй хүнийг сонгох нь чухал.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Жавхлан: Ард нийтийн санал асуулгын ирц 50 хувьд хүрэхгүй байх эрсдэлтэй

УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох саналыг дэмжлээ. Энэ зохицуулалтыг бид юу гэж ойлговол зохих вэ?

-Өөрийн тань асуусан асуудал бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд орж буй эдийн засгийн агуулгатай хоёр асуудлын нэг нь. Нөгөөх нь төсөвт Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зарлагын эх үүсвэрийг нэмэхгүй байх асуудал. Мэдээж Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмэнд хүртээмжтэй байхыг хамгийн зөвөөр томьёолох ёстой л доо. Ний нуугүй хэлэхэд энэ сүүлийн томьёолол тодорхойгүй зүйлүүдийг агуулсан гэж харагдахаар байна. Тиймдээ ч санаанд хүрээгүй.

-Яг ямар тодорхойгүй зүйлүүдийг агуулсан байна вэ?

-Тэр томьёолол дотор гурван түлхүүр үг байгаа юм. Стратегийн ач холбогдол, дийлэнх, үр өгөөж гэсэн түлхүүр үгнүүд байна. Эндээс үр өгөөж гэдэг үг нь хамгийн их анхаарал татаж байна. Үр өгөөж гэдэг нь нягтлан бодох бүртгэлийн, эсвэл санхүүгийн ойлголтоор маш өргөн утга агуулгатай. Стратегийн ордоос ард түмэн хувьцаа хэлбэрээр ногдол ашиг авч болно. Дотоодын бэлтгэн нийлүүлэгчид төлбөр төлж болно. Монголын төрд татвар хэлбэрээр буюу нийтийн санд төлж буй төлбөр ч үр өгөөж болох юм. Мөн ямар ч хэлбэрээр дийлэнх байж болох нь. Үүний цаана ногдол ашиг хуваарилахгүй, хувьцаа эзэмшихгүйгээр зөвхөн татвар болон бусад худалдан авалт, төлбөрийн хэлбэрээр Монголын ард түмэнд ирж буй үр өгөөж нь дийлэнх хэлбэрээр байж болох нь. Эсвэл огт татвар төлдөггүй, дотоодын худалдан авалт хийдэггүй зөвхөн хувьцаа нь дийлэнх хэлбэрээр байх гэх мэтчилэн тодорхойгүй зүйлүүдийг агуулж байгаа юм.

-Үүний үр дагавар нь юу байж болох вэ?

-Тодорхойгүй зүйлүүд агуулах тусамаа цаашдаа энэ том төслүүдийг хөдөлгөхөд дараагийн Засгийн газрууд дээр улам л их дарамт ирнэ. Өөрөөр хэлбэл, аль ч Засгийн газар энэ заалтын дагуу аливаа зүйл хөдөлгөхөд үргэлж айдастай байх болно. Дараагийн том төслүүдийг татаж унагах орон зайг нээгээд үлдээчихэж байна гэж хувь гишүүний зүгээс дүгнэж байна. Тиймдээ ч сэтгэл дундуур үлдсэн гэж хэлж болно. Бүлэг дээр энэ асуудлыг шийдсэн. Бид бүлгийн шийдвэрээ дагаад энэ асуудлыг дэмжсэн. Мөн том утгаараа Үндсэн хуулиа амжилттай цааш явуулахын төлөө дэмжсэн л дээ. Үндсэн хуульд орсон энэ заалттай холбогдож дараа нь гарах органик хуулиудаа маш сайн хийх хэрэгтэй. Гэхдээ л органик хууль бол органик л хууль шүү дээ. Аль ч УИХ тэрийг хөндөж чадна.

-Төсөв хэлэлцэж байх үед УИХ Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зарлага нэмэхгүй байхаар боллоо. Үүнийг зарим гишүүд УИХ өөрийн төсөв батлах эрхээсээ татгалзлаа гэж шүүмжилж байсан. Нөгөө талаараа төсвийн сахилга батыг дээшлүүлэх сайн зохицуулалт гэдгийг судлаачид онцолж байна. Таны хувьд?

-УИХ-ын төсвийн сахилга батыг дээшлүүлэх гэсэн аргаа барсан л заалт юм. Манай зарим гишүүд УИХ өөрийнхөө үндсэн эрхээсээ татгалзаж байна гэж буруушааж байгаа. Үүнийг сонсох ёстой л өнцөг гэж үзсэн. Дээрээс нь ямар ч Засгийн газар, Ерөнхий сайд гарч ирээ билээ, тэр хүний үзэмжээр явахаар бол энэ нь тун аюултай. Бид Үндсэн хуулиараа Засгийн газрыг хүчтэй, тогтвортой болголоо. Энэ нь нэг талаар сайн хэрэг. Хэрэв ард түмэнд ээлгүй Засгийн газар, Ерөнхий сайд гарч ирвэл, дээрээс нь ийм бүрэн эрхтэй байгаа тохиолдолд УИХ халдаж чадахгүйгээр төсөвөө батална. Ийм төсөв баталчих юм бол нэг талаараа эрсдэлтэй зүйл мөн. Өнөөдөр бид 76 жижиг төсөв баталж байхаар хөгжлийнхөө дунд урт хугацаанд тогтвортой байх тэр төсвийг батлаад явах нь зөв. Дунд, урт хугацааны төсөв, хөгжлийн бодлогоо УИХ нь баталдаг, түүнийхээ хүрээнд Засгийн газар нь төсвийн хүрээний мэдэгдлээ оруулж ирэн урьдчилан танилцуулаад, дараа нь төсвийнхөө хууль болгодог горим руу орох нь хамгийн чухал байгаа юм. Ямартаа ч Үндсэн хуульд орсон тэрхүү зохицуулалтыг тун зөв хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Ээлжит бус сонгууль хийнэ гэх мэдээллүүд байна. Та үүнийг дэмжих үү?

-Үүнийг би сонгуультай холбож харахгүй байна. Энэ бол Үндсэн хуулийн шаардлага. Үндсэн хуулийг Ард нийтийн санал асуулгаар шийдэхээр болсон. Энэ нь ч хамгийн зөв шийдвэр, ард түмнээс асуух нь тун зөв. Хугацаа нь 45 хоног гэхээр арваннэгдүгээр сар гарч таарна. Бид Ерөнхийлөгчийн сонгуулиар 65 хүрэхтэй үгүйтэй ирцтэйгээр санал өгсөн. Тийм байхад арваннэгдүгээр сард болох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Ард нийтийн санал асуулгын ирц 50 хувьд хүрэхгүй байх эрсдэлтэй. Хэрвээ хүрч чадахгүй гэвэл УИХ-ын ээлжит сонгуулиар болгох уу, эсвэл нааш нь татаж сонгууль өгөх улс төрийн идэвх дээр нь тулгуурлах уу гэдгийг ярих нь зөв. Үндсэн хуулиа л Ард нийтээр батлуулах нь чухал. Түүнээс сонгуулийг нэгдүгээр асуудал гэж бодохгүй байна.

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зүгээс хийж буй улс төр л гэж хүмүүс дүгнээд байгаа л даа.

-Улстөрч, улс төрийн хүчнүүд өөр, өөрсдийнхөө өнцгөөр л тайлбарлах байх. Миний хувьд хамгийн чухал нь Үндсэн хуулиа л ард нийтээр батлуулах. Сонгуулийг нааш татах нь хоёр шатны шийдвэр байна. Энэ дөрвөн жил ажлаа хийгээд дараагийн сонгуулиар дүнгээ тавиулна гэж бодож, төлөвлөж байгаа олон гишүүн бий. 2020 оны долдугаар сарын 1 хүртэл хугацаа байна. Энэ хооронд маш их ажил амжуулна. Энэ гурван жил үргэлжлэн хийгдэж байгаа ажил цөөнгүй бий. Хийсэн зүйлүүдээ 2020 ондоо тайлагнахаар төлөвлөж буй гишүүдэд ээлжит бус сонгууль хийх нь маш хохиролтой. Гэхдээ том утгаараа энэ зөвхөн гишүүдийн шийдэх ёстой асуудал биш, сонгууль гэдэг улс төрийн намын асуудал юм. Улс төрийн нам сонгуульд ордог болохоос гишүүн ордоггүй. Ийм том, жижиг хоёр асуудал байгаа юм.

-Арваннэгдүгээр сард сонгуулиа хийчихээр дараагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа хэдийг хүртэл тооцогдох юм бэ?

-Үндсэн хуульд тангараг өргөснөөсөө хойш дөрвөн жил үргэлжилнэ гэж заасан байдаг. Үүнийг зөрчиж болохгүй.

-Тун удахгүй төсөв хэлэлцэнэ. Ирэх жилийн төсөв ямар байх бол?

-Төсөв Засгийн газрын зардлыг томьёолж өгөхөөс гадна хөгжлийн бодлогыг тодорхойлдог байх хэрэгтэй. Төсөв, мөнгөний бодлого гэсэн хоёр гол макро бодлогын хэрэгсэл байдаг. Төсөв өөрөө хөгжлийн бодлогыг чадаж байна уу, үгүй юу гэдгийг Сангийн яам мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэхдээ улс төр нь энэ яамд тийм боломжийг нь өгөхгүй байна. Улс төр өөрөө ийм чөтгөрийн гурвалжин руу орчихсон учраас үүнээс гарах гэж арга ядсандаа төсвийн талаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд заалт оруулж байна. Сангийн яам чадахгүй дээ биш. Улс төр нь боломж олгохгүй байгаа хэрэг. Тиймдээ ч төсөв хөгжлийн төсөв болж орж ирж чадахгүй байгаа юм. Үндсэн хуульдаа тусгаж өгснөөр байдал эрс дээрдэнэ гэж бодож байна.

-Та өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Өнөөдрийн эдийн засгийн байдлын дүгнэлтийг бид ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаатай шууд холбож харах хэрэгтэй. Бид хоёр жилийн өмнө хүнд байдалд орон олон улсад өөрсдийнхөө байгаа байдалд дүн тавиулчихсан. Тэр л бид нарын дүн байсан. Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсний дүнд макро үзүүлэлтүүд маань тодорхой түвшинд сайжирч байна. Банкны систем тогтворжиж, бүтцийн өөрчлөлтүүд хийгдлээ. Төсвийн алдагдал заасан хэмжээгээр жил бүр шат дараатай багасч байна. Манай гадаад өрийн менежмэнт эерэг болж, зээлжих зэрэглэл огцом сайжирч байсан, тогтвортой хэвээрээ байгаа. Цаашид ОУВС-тай хэрэгжүүлж байгаа хөтөлбөр амжилттай гарвал манай гадаад зээлжих зэрэглэл өсөх хүлээлт бий. Мөн хугацаанд Төв банкнаас явуулж буй инфляци онилсон бодлогын үр дүнд инфляци нэг оронтой тоон дээрээ байна. Зорилтот түвшин болох найм орчим хувь дээрээ байгаа. Төсөв, мөнгөний бодлого тал дээрээ макро тэнцвэрүүд харьцангуй тогтмолжиж ирж байна.

-“Саарал жагсаалт”-д орох эрсдэл бий юү?

-Манайхан заавал “Саарал жагсаалт”-руу орж байж л “Энэ чинь юу болж байна вэ” гэж бодож эхэлдэг. Одоо ч анзаарч байгаа хүн алга. Өмнө нь энэ жагсаалтад байгаагүй юм шиг л. Бид 2008 онд “Саарал жагсаалт”-д ороод 2013 онд гарсан. Гэтэл одоо тэр жагсаалтад байсныг санаж байгаа хүн алга. Жагсаалтаас гарсныхаа маргаашаас нь л мартчихсан. Уг нь бид нөхцөл байдлаа улам сайжруулаад буцаад тэр жагсаалт руу орохгүйн төлөө ажиллах ёстой. Энэ жагсаалтад орвол бид эдийн засгийн хувьд маш их хохирол амсна. Энэ өөрөө маш том асуудал. Гэтэл бид жижиг хүрээнд яриад байна. Ганц институци болох Төв банк, Хууль зүй, дотоод хэргийн яамны л асуудал мэт үзэж байна. Энэ бол улс эх орны, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын асуудал.

Бид хуулиудыг нь сайжруулж өгөх ёстой. Хар жагсаалт руу орох гээд байгаа шүүх засаглалтай холбоотой асуудлууд байна. Үндэсний аюулгүй байдал дээр үүнийг анхаарах хэрэгтэй. Ил тодын тухай хуулиар 30 гаруй их наяд төгрөгийн хөрөнгийг “цагаатгасан”. Энэ мэтчилэн терроризм санхүүжилт, мөнгө угаалтын эсрэг дэлхий нийтээрээ тэмцдэг дүрмийг бид удаа дараа зөрчжээ. Бид “Саарал жагсаалт”-д орж, хүнд байдалд орсноо мартчихсан л энэ хооронд сахилгагүйтсэн. Хэрэв бид эргээд орчих юм бол цөөнгүй жил байж таарна, энэ хооронд санхүүгийн маш их хохирол амсна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Пүрэвдорж: Богино хугацаанд популизм хийж ээлжит бус сонгуулиар ялна гэж бодож байгаа бол эндүүрэл


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Ардчилсан нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулсан саналаа татна, хэлэлцүүлэгт дахин оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Хувь гишүүний зүгээс та ямар байр суурьтай байгаа вэ?

-Миний хувьд анхнаасаа энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эсрэг үгээ хэлж, оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн дундаас нь манай нам оролцохоор болоход нь ч би эсэргүүцсэн. Ер нь бол нэг нам байлаа ч хэвэнд цутгачихсан юм шиг байна гэж байхгүй. Өөр өөрийн үзэл бодолтой хүмүүсийн нэгдэл байдаг. Тийм учраас дундаас нь дахин хэлэлцүүлэгт оролцсоныг зарим талаар шүүмжилсэн. Харин өнөөдөр тодорхой хэмжээгээр миний зөв байсан нь батлагдаж, Ардчилсан нам Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс гарлаа.

-Дэмжихгүй байгаа шалтгаан нь юу байна вэ?

-Хэд хэдэн шалтгаан бий. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хэд хэдэн сайн зүйлүүдийг хийж байгаа боловч гуя дагаж хүзүү гэгчээр УИХ-ын гишүүд өөрсдийнхөө эрх ашгийг хавчуулсан өөрчлөлт хийх гэж үзсэн. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүд дотор 55 гэмт хэрэгтэн бий.

Ихэнх нь ЖДҮ-чид, тендерчид, концессчид, хүн амины гэмт хэрэгтэй хүн ч байгаа. энэ хүмүүс Уих-ын гишүүдийн тоог 108, 99 болгох замаар сэмхэн шургаж орж ирэх нөхцөл бололцоог өөрсдөдөө авах гэж үзсэн. хоёрдугаарт, дөрвөн жил улсаас мөнгө иддэг ЖДҮ-чид, тендерчид таван жил болгохыг санаархсан. Гуравдугаарт, олон жил төрд байсан хэрнээ хийсэн бүтээсэн зүйлгүй буг болсон нөхдүүд дахин сонгогдохын тулд намын жагсаалтаар орж ирэхийг хүссэн. энэ гурван зүйлийг эсэргүүцсэн учраас үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ зарласан юм. Өнөөдрийн үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт миний бодсончлон мөлгөр боллоо.

Ардчилсан намын Уих-аас Ерөнхийлөгчийг сонгоно гэх зарчмын саналыг унагаасан. энэ утгаараа Ерөнхийлөгчийн институцид томоохон өөрчлөлт гараагүй гэсэн үг. Мөн гүйцэтгэх засаглал тэр дундаа Ерөнхий сайдыг эрх мэдэлтэй болгох хувилбарыг МАН мөлийлгөсөн. Ерөнхий сайд өөрөө кабинетаа бүрдүүлээд, хариуцлагаа үүрдэг зарчмыг оруулж ирсэн боловч харамсалтай нь УИХ сайдуудыг нь томилдог эрхээ авч үлдлээ. Энэ нь хүчтэй Ерөнхий сайдтай болж, гүйцэтгэх эрх мэдэлд эрхийг нь өгсөн шиг өгч чадахгүй байгаагийн илрэл. Дээрээс нь УИХ-ын гишүүд нь танхимын гишүүд байх, УИХ-ын үйл ажиллагаа гацдаг байдлыг арилгахын тулд давхар дээлээ бүрэн тайлах ёстой байсан. Ард түмний хүсэл ч ийм байгаа. Гэтэл үүнийг зэрэмдэглэсэн байдлаар шийдэж байна. Мөн орон нутгийн түвшинд Сумын засаг даргыг ард нийтээсээ сонгодог байхаар эхний төсөл дээр оруулж ирсэн. Гэсэн ч дундаас нь унагаасан. хамаатан садан нийлсэн 21 хүн багуудаас иргэдийн хуралд сонгогдож гарч ирээд, тэдгээрийг хамгийн их аргалсан нь Сумын Засаг дарга болдог ийм муу тогтолцоог халах ёстой байсан.

Шүүх эрх мэдлийн хүрээнд өөрчлөлтүүд орсон. Шүүхийг хамгийн их бохирдуулж байгаа нь Дээд шүүх. Өнөөдөр орон нутгийн шүүгчид аливаа хэргийг шүүхээ больчихсон. үргэлж Дээд шүүх рүүгээ хардаг болчихсон. Дээд шүүх нь дээд талд байх хэн нэгэн удирдагчаасаа хараат болчихсон. Тиймдээ ч Дээд шүүх бол шүүхийн ялзарлын гол цэг. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийг тэр ялзарсан Дээд шүүх рүүгээ тайлангаа тавьдаг болгочихсон. энэ нь шүүхийн шинэчлэлийг хойш нь татсан үйл явдал гэж харж байна. Бүх шатандаа гол шинэчлэл өөрчлөлтийг хийж чадаагүй учраас энэ үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт мөлгөр боллоо гэж дүгнэж байгаа юм. энэ мөлгөр үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээс асуухын тулд 32 тэрбум төгрөг зарцуулна гэж байна. Миний хувьд үүнийг буруу гэж үзэж байгаа.

-Ардчилсан намын зүгээс Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцож, хэд хэдэн саналуудаа ч тусгаад амжсан. Тэдгээр саналуудыг буцаах боломж хуулийн хүрээнд байхгүй шүү дээ.

-Тусгагдсан саналууд бий. хоёр, гуравхан саналыг тусгасан. эд нар оролцож байгаа юм чинь ганц, хоёр саналыг нь оруулъя даа гэж л бодсон байх. Бусдаар дээр дурдсан зарчмын саналууд тусгагдаагүй. Нэр төдий зүйл оруулчихаад түүнийгээ Ардчилсан нам оролцсон гэж үзэж байгаа нь буруу.

-Ардчилсан намын зүгээс Ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэсэн байр суурийг анхнаас нь илэрхийлж байсан. Энэ байр сууриасаа яагаад ухрах болов?

-Ард нийтийн санал асуулгаар зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх үү, үгүй юу гэдгийг асууна. Энэ нь хэтэрхий өндөр үнэтэй хийгдэж байна. хоёр дахь удаагийн хэлэлцүүлгээр хийсэн тэрхүү өөрчлөлт системийг гацааж байгаа асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй. Тийм учраас ийм арчаагүй өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулж, татвар төлөгчдийн хайран мөнгийг үрэх ёсгүй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сөрөг хүчний байр суурь ийнхүү өөрчлөгдөх болсон нь Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн талаарх байр суурь, засаглалын хэлбэрийг асууна гэснийг дэмжсэнтэй холбоотой гэж хэлэх хүмүүс ч байна.

-Ардчилсан нам парламент ёсыг цаашдаа үргэлж дэмжинэ. үүнээс хэзээ ч хазайхгүй. Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэх, хувь хүний эрх чөлөө, бизнесийн эрх чөлөөг хамгийн их хамгаалах засаглал бол парламтентын засаглал юм. Ерөнхийлөгчийн засаглалын аль хэлбэрийг дэмжих вэ гэдэг санал асуулга хууль бус. УИХ-ын гишүүн үндсэн хуулиа сахина гэж тангараг өргөдөг. Ерөнхийлөгч ч өөрөө Үндсэн хуулин дээрээ гараа тавьж байгаад тангараг өргөдөг. Үндсэн хуулиа зөрчиж болохгүй. Үндсэн хуулиар үндсэн хуулийн эсрэг санал асуулга явуулахыг хориглодог. Парламент ёсыг Ерөнхийлөгчийн засаглалаар солих гэж байгаа бол үндсэн хуулийн концепц, суурь бүтэц тэр чигтээ өөрчлөгдөнө. Үндсэн хуулийн суурь бүтэц, концепцийг бүрэн өөрчлөхөөр энэ Үндсэн хууль тэр чигтээ хүчингүй болно. Энэ тохиолдолд өөр шинэ Үндсэн хууль бий болно гэсэн үг. Ийм санал асуулгыг УИХ-аар оруулж, хэлэлцүүлж болохгүй. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл болно. Үндсэн хууль, Ард нийтийн санал асуулга явуулах хууль, УИХ-ын Дэгийн тухай хуулийг зөрчсөн үйл явдал болно. Тийм учраас энэ зүйлийг дэмжихгүй. Ер нь үндсэн хуулийг өөрчилж, бүрэн шинэчлэхдээ хоёр тохиолдолд голцуу хийнэ. Нэг нь хувьсгал хийх замаар. хоёрдугаарт, тогтолцоог өөрчлөхийн тулд 1990 оных шиг тайван замаар хийж болно.

-Энэ намартаа багтаан УИХ-ын ээлжит бус сонгууль болох нь гэх яриа гарчээ. Ерөнхийлөгчийн зүгээс илэрхийлж байгаа энэхүү саналыг ЖДҮ, 60 тэрбумд барьцаалагдсан гишүүд дэмжихээр байна гэдэг зүйлийг ч учир мэдэх хүмүүс хэлж байна. Та УИХ-ыг тарахыг дэмжих үү?

-энэ УИХ ёс зүй, хариуцлагын хувьд цаашдаа ажиллах ёсгүй. УИХ өөрөө ЖДҮ, тендер, концессийн асуудал үүсгэсэн хүмүүсийн бүрдэл. Тийм учраас урьд хожид байгаагүйгээр УИХ-ын нэр уначихсан байгаа. УИХ-ыг тараагаад ээлжит бус сонгууль явуулна гэвэл би хоёр гараа өргөөд дэмжинэ. Ёс зүйтэй, үндсэн хуулинд өргөсөн тангарагтаа үнэнч байх, ард иргэдийн сайн сайхны төлөө ажиллахаа умартсан УИХ хариуцлагаа хүлээхэд бэлэн байх ёстой.

хамгийн гол нь МАН-ын олонх УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана. Тэр албан тушаалд дуртай, УИХ-ын гишүүн байх сонирхолд хөтлөгдсөн 64 гишүүн ийм шийдвэр гаргана гэдэг нь юу л бол. Амиа бодсон шийдвэр л гаргах байх. Манай намын хувьд УИХ-ыг тараахыг дэмжих болно.

-Ерөнхий сайдын зүгээс утаа, махны үнийн хөөрөгдлөөс үүдэх асуудлуудаас урьтан рейтинг өндөр байгаа дээрээ Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараахыг хүсч байна гэдгийг ч эх сурвалжууд онцолж байна. Үндсэн хуулиа эцэслэн батлаагүй, төсөв мөнгөний асуудлаа ярих болсон энэ цаг үед зөвхөн улс төрийн карьераа бодох нь хэр зөв юм бэ?

-МАН-ын даргын байр суурь хэтэрхий популист байна. Ийм маягаар улс эх орныг удирдах зорилготой явж байна. энэ популист маягийн улс төр хийж байгаагаа өндөр рейтингтэй байна гэж андуураад байна. Нэг зүйлийг хэлэхэд ард түмэн ухаантай. Өнөөдөр засгийн газар эдийн засгийн сайн шийдвэрүүдийг гаргаж, гүйцэтгэх засаглалыг чамбай ажиллуулж ард түмний амьдралыг дээшлүүлэх ёстой. Харамсалтай нь нэг ч өөдтэй шийдвэр гарахгүй байна. Хамгийн наад захын жишээг хэлье л дээ. 2016 онд Монгол Улсын иргэн бүрийн өр 15 сая төгрөг байсан бол өнөөдөр 25 сая төгрөг болж өссөн. Монголын төр гадаад өрийг 3.6 тэрбум ам.долларт хүргэчихээд хоёр Ерөнхий сайдын хугацаанд нэг ч олигтой ажил хийгээгүй. Энэ их мөнгийг яам, тамгын газар, сайд нарын багцад суулгах замаар үрэн таран хийж байгаа. Эдийн засгийг сайжруулах тэр ажлаа Ерөнхий сайд сайн хийх ёстой. Мэдээж ард түмэн үүнийг үнэлэх цаг хугацаа бий. Популизм урт хугацаандаа хэзээ ч амжилт олж байгаагүй, үргэлж ялагддаг. Тиймдээ ч богино хугацаандаа популизм хийн ээлжит бус сонгуулиар ялна гэж бодож байгаа бол эндүүрэл.

-Энэ бүхэнд сөрөг хүчин байр сууриа хатуухан илэрхийлэх ёстой юм биш үү?

-Манай намын гишүүд тодорхой хэмжээгээр шүүмжилдэг. Гурав, дөрөвхөн хүн гол шүүмжлэлийг хэлж байгаа. харин үүнийг эрх баригч нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахгүй байх, илүү хаалттай байдал руу шилжүүлэх зэргээр сөрөг хүчний дуу хоолойг олон нийтэд хүргэхгүй байх ажлыг хийж байна. Бид хангалттай улс төрөө хийж байгаа. Хангалттай шүүмжлэлээ хэлж байгаа. үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагууд маань олон нийтэд хүргэх тал дээр сайн ажиллаж өгөхгүй байна.