Categories
мэдээ цаг-үе

Б.Насанбилэг: Намуудад бие биенээ ойлгож, хүндэлдэг улс төрийн соёл бий болгохыг туйлын их хүсч байна

“Зүй ёс” намын дарга Б.Насанбилэгтэй ярилцлаа.


-“Зүй ёс” намыг ямар үзэл санаанд нэгдэж байгуулсан юм бэ?

-Би Япон улсад 1998-2008 он хүртэл сурч, ажиллаж байсан. Тухайн үед Япон дахь Монгол оюутны холбоо гэж байсан. Бид тэрхүү холбоонд гишүүнээр, зарим нь тэргүүнээр нь ажиллаж байлаа. Мөн Монголд Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг гэж бий. Миний хувьд уг нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр 2016 оноос хойш ажиллаж байна. Японд сургууль төгсөгчид хоорондоо харилцаа холбоогоо бэхжүүлье, Япон Монголын харилцаанд хувь нэмрээ оруулъя гэсэн зорилготой юм. Япон улсад хууль жинхэнэ ёсоор хэрэгждэг. Тэнд суралцаад, төлөвшөөд ирсэн хүмүүсийн хувьд бид шударга ёс, хариуцлагын тогтолцоог Монголдоо нэвтрүүлэхийг маш их эрмэлздэг байсан. Энэ хүрээнд бид 2018 оны гуравдугаар сараас ярьж эхлэн нам байгуулахаар шийдсэн. Өөр бусад нам руу орвол яасан юм бэ гэх асуудлууд яригдаж байсан. Гэхдээ хүмүүс нэгдэхийн тулд үнэт зүйл, үзэл баримтлал нь адилхан байх ёстой. Бид бусад намуудаа таньж мэдэж амжаагүй байсан учир шинээр нам байгуулахаар болсон юм.

2019 оны зургадугаар сард бид үүсгэн байгуулагдах хурлаа зохион байгуулсан. Энэ үед бид 1510 хүний гарын үсэг цуглуулаад байсан. Улмаар Дээд шүүхэд материалаа өгч, энэ жилийн есдүгээр сард албан ёсоор Монгол Улсын 35 дахь нам болсон.

Хамгийн отгон нам ч гэж хэлж болно. Тэр утгаараа бидэнд улс төрийн акц хийх туршлага байхгүй. Санхүүжилтийн асуудал ч хүнд байгаа. Гэхдээ улс төрийн нам гэдэг ард түмний амьдралд эерэг өөрчлөлтийг авчрахын тулд өөрсдөө хүчтэй, чадалтай, төлөвшилтэй байх ёстой. Иймд бид намаа яаж төлөвшүүлэх вэ, хүмүүсээ яаж зохион байгуулалттай бүтцэд оруулж ажиллуулах вэ, дээрээс нь ирэх жилийн сонгуулиар бид ямар бодлоготой орох вэ гэдэг асуудлыг ойрын хугацаанд шийдэхээр явж байна.

-Таны хувьд ямар бодлого барьж ажиллах нь зүйтэй гэж харж байгаа вэ?

-Ардчиллын замаар яваад бид 30 жил болчихлоо. Энэ хугацаанд бидэнд маш олон асуудлууд үүсээд байна. Үүнийг тоочих юм бол тоолж барагдахгүй. Хууль хэрэгжихгүй, хүний эрх хангагдахгүй, төр төвтэй амьдрал бий болчихоод байна. Төрөөс айдаг, хүнд суртал нь их учир төрөөс гуйдаг. Төр нь их мөнгөтэй, ард иргэд нь ядуу амьдрал л үүсчихсэн. Энэ нь тогтолцоо, системээсээ болж байгаа гэдгийг судлаачид, улс төрчид хэлдэг. Тиймдээ ч бид үүн дээр төвлөрч ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Бид эв эеийг хичээж, улс эх орноо, ард иргэдээ сайхан амьдруулъя гэж бодож байгаа бол системийг хэрхэн өөрчлөхөө бодож, бусадтайгаа санаа бодлоо хуваалцах, ярилцах хэрэгтэй. Улс төр гэдэг бие биенээ харлуулах явдал биш. Улс төрийн намын тэргүүнүүд маш хариуцлагатай байж, өөрсдийгөө бус ард түмнийг бодож зөвшилцөж, бие биенээ ойлгож, хүндэлж чаддаг байх ёстой юм. Ийм улс төрийн соёл бий болгохыг туйлын их хүсч байна л даа. Үүнийг ч тэд ойлгож байгаа байх гэж бодож байна. Хэрэв энэ чигээрээ явбал Монгол Улс үнэхээр дампуурах гээд байна гэдгийг л онцлох нь зүйтэй болов уу.

-Эрх баригчид нийгэмд үүссэн гажуудлыг засахын тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж буй. “Зүй ёс” нам энэ өөрчлөлтийг дэмжиж байгаа юу?

-Мэдээж 100 хувь дэмжиж байна уу гэвэл үгүй. Маш олон хүний санаа бодол нийлж боловсруулагдсан дундын хувилбар учраас тэр бүрт сэтгэл хангалуун байна гэдэг хэцүү. Миний ойлгосноор сонгуулийн тогтолцоонд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж байгаа. Энэ нь зөв хандлага гэж үзэж байгаа. Тиймдээ ч Үндсэн хуулийн өөрчлөлтийг ерөнхийд нь дэмжиж байгаа юм. Үндсэн хуульд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалуудын хоорондын эрх мэдлийн хуваарилалт зөв байх ёстой. Тиймдээ ч энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөлт хийж байгаа. Ялангуяа шүүх засаглалын хараат бус байдлыг хангах, гүйцэтгэх засаглалын чадавхыг дээшлүүлж, хариуцлагын тогтолцоог нэмж байгаа. Үүнийг зөв хандлага гэж харж байна.

-Элдэв хөдөлгөөнүүд гарч ирэн жагсаал, цуглаан хийж байгаа. Тухайлбал, Монголын үндэсний фронтоос тун саяхан жагсаал хийсэн. Тэдний илэрхийлж буй саналуудыг та бүхэн хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Ярьж байгаа зүйлүүдийг нь сонсоход УИХ-ыг тараая, төрийн эрх мэдлийг ард түмэнд өгье гэж байна л даа. Дээрээс нь Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэж байх шиг байна. Хүн болгон янз бүрийн бодолтой л байх. Түүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ бидэнд хүлээх ёстой үүрэг гэж бий. Нэгдүгээрт, хуулиа биелүүлэх үүрэгтэй. Үндсэн хуулиа хүндлэх ёстой. Аливаа хүчирхийлэл байх нь буруу. Нөгөө талаасаа Монголын үндэсний фронт гэсэн маш том жагсаал боллоо. Энэ нь ард түмэн ямар их бухимдсан байгааг төр засгийнханд харуулж чадсан. Ард түмэн бухимдлаа илэрхийлэх боломж байх ёстой юм. Монголчууд бид цөөхүүлээ. Бие биенээ хүндэлдэг, хайрладаг, эе эвийг эрхэмлэдэг байх нь тун чухал. Тиймээс зөвшилцлийн аргаар аливаа асуудлыг шийдээд яваасай л гэж хүсч байгаа.

Монголчууд бидэнд би гэх үзэл давамгайлчихсан. Энэ буруу зүйл биш л дээ. Гэхдээ сүүлийн үед ажиглаж байхад би гэх үзлээсээ болоод эвлэлдэн нэгдэж чадахгүй байгаа нь илт байна. Боловсролтой, боловсролгүй, аль салбар гэдгээсээ үл хамаараад нэгдэж чадахгүй, хагаралдаж байна. Зарим газраа би-гээ түр орхих хэрэгтэй. “Ойрхон бөгөөд хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл олуулаа яв” гэсэн үг байдаг шүү дээ.

-Намдаа “Зүй ёс” гэх нэрийг өгөх болсон нь ямар учиртай юм бэ?

-“Зүй ёс” дотор хүн ёс, хууль ёс, шударга ёс, ёс суртахуун гээд энэ бүхэн агуулагдаж байдаг. Өргөн бөгөөд гүн гүнзгий утга учиртай болохоор энэхүү нэрийг өгсөн. Бидний сэтгэлд байх, хийхийг хүсч буй бүх зүйлийг нэр маань илэрхийлж байгаа учраас энэ нэрийг сонгосон хэрэг. Нөгөөтэйгүүр энэ бүхэн Монгол Улсад ус агаар мэт хэрэгтэй байгаа юм. Бид зүй ёсыг дэлгэрүүлэхийн төлөө л явна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Гантулга: Ямар ч хувьсгал хуулийн дагуу болдоггүй, энэ бүх үйл явдал тэмцлийн хуулиар явах болно


“Монголын Үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн, тоймч Ш.Гантулгатай ярилцлаа.


-Та аль нутгийн уугуул вэ. Нутаг ус, ээж, аавынхаа тухай яриач?

-Би Улаанбаатар хотод төрж өссөн хүн. Манай аав Сүхбаатар аймгийн хүн байсан. Өвөө минь Хэнтийнх. Аав ажилчин, өвөө уурхайчин хүн. Би эгэл жирийн л айлын хүүхэд.

Тухайн үедээ Улаанбаатар хотын Лаборатори нэгдүгээр дунд сургуулийг төгссөн. Зөвлөлт холбоот улсад мэдлэг, мэргэжил эзэмшсэн, геохимич мэргэжилтэй. Дараа нь сэтгүүл зүйд орсон. Нэг иймэрхүү л эгэл жирийн энгийн амьдралтай хүн.

Надад бусдаас илүү гарах юу ч байхгүй. Эд хөрөнгө ч байхгүй. Ерөнхийдөө ядуу талдаа хүн. Зөвхөн цалингаараа л амьдардаг.

-Одоо ямар ажил албан тушаал эрхэлж байна вэ?

-Би “ТВ 9” телевизийн олон улсын тоймчийн ажлыг хийдэг.

-Сэтгүүл зүйн салбарт хэдийнээс оров. Орох болсон шалтгаан нь юу байсан бол?

-Олон улсын байдлыг мэддэг, англи, орос хэлтэй хүн “Ийгл” телевизэд хэрэгтэй болсон юм. Тиймдээ ч би тэнд ажилд орж, олон улсын тоймчийн ажлыг хийж эхэлсэн. Аажимдаа хүмүүст миний нэвтрүүлэг таалагдаж эхэлсэн юм байлгүй цааш ажиллаад явсан. Би 2006 онд тус телевизэд ажилд орсон юм. Би “Ийгл” телевизэд 2014 он долдугаар cap хүртэл ажилласан. Үзэл бодол таарахгүйн улмаас телевизээс намайг хөөсөн. Нэг хэсэг хугацаанд “Боловсрол” телевизэд ажилласан.

-Та ямар үзэл бодол илэрхийлсэн юм бэ?

-“Ийгл” телевиз АНУ-ын телевиз байсан. Шашны ч гэх үү дээ. Би Америкийн эсрэг үзэл бодлыг илэрхийлсэн юм. Гэхдээ онц аюултай зүйл биш байсан. Эхлээд эфирт гарахааргүй болоод дараа нь ажлаасаа хөөгдсөн.

-АНУ-ыг ардчиллын эх орон гэдэг. Тэгэхээр таныг ардчиллыг үгүйсгэсэн гэж ойлгож болох уу?

-Би Америкийн эсрэг үг хэлдэг ч гэсэн үнэн хэрэг дээрээ ардчиллын төлөө байдаг юм. Үүнийг миний энэ сарын 7, 8-нд болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон явдал баталж байгаа. Сүүлийн 20 гаруй жилийн турш Монголын ардчилал нэг замаар хөгжсөн.

Тодруулбал, монголчууд хүмүүсээ сонгож чаддаг ч эргүүлээд татаж чаддаггүй. Бидний эсэргүүцлийн жагсаал тэрхүү сонгосон хүмүүсийг буцааж, эргүүлж татах гэсэн хамгийн анхны оролдлого байсан юм.

Хэрвээ монголчууд сонгосон хүмүүсээ эргээд татаж чаддаг байсан бол Монголын ардчилал жинхэнэ ёсоороо цэцэглэн хөгжих болно. Ер нь ардчилал гэдэг Европоос манайх руу орж ирсэн зүйл шүү дээ. Европоос нэг сайхан машин орж ирээд Монголын нөхцөлд таардаггүй учраас механикчид монголчилдог. Бид ч гэсэн ингэх хэрэгтэй байгаа юм.

-Та бүхэн УИХ-ыг тараана, төрийн эрхийг авна гэж байна. Гэлээ ч хууль журмаараа дахиад л 76 гишүүн сонгогдож, УИХ-ын үйл ажиллагаа явдгаараа л явна шүү дээ. Хүн нь л солигдож байгаа энэ үйл явцад ямар ялгаа байгаа юм бэ?

-Үүнд маш том ялгаа байна. Учир нь өмнөх сонгуулиудад сум, дүүрэгт Улаанбаатар хотоос хэн ч мэдэхгүй том компанийн эзний баян тарган хүүхэд, баахан жийп машинтай найзуудтайгаа ирээд өөрийгөө нэр дэвшүүлдэг байсан. Үүнтэй адил хүн дахиад ирдэг.

Сумын иргэд огт танихгүй хоёр муу хүнээс сонголтоо хийхээс өөр аргагүй байдалд ордог. Хэрвээ та дэлгүүрт ороод онцгүй болоод ой гутам бараанаас авахаар болбол өөрт арай бага хохирол учруулах барааг л сонгож авна шүү дээ.

Монголын ардчилал иймэрхүү замаар явсан учраас хамгийн өөдгүй хүмүүсээр УИХ дүүрсэн юм. Хэрвээ бидний тэмцэл ялалтад хүрэх юм бол бид энэхүү өөдгүй хүмүүсээс төр, засгийг чөлөөлж чадна. Өөдгүй хүмүүс сонгуульд нөлөөлөөд байгаа учир сонгуулийн үр дүн буруугаар гараад байгаа юм.

Сонгуулийн үр дүн ард түмний хүсэл эрмэлзлийг илтгэж чадахгүй байгаа юм. Гаднаас нь нөлөөлсөн сонгууль шударга болж чаддаггүй. Монголын олигарх баячууд төр, засгийн мэдлийг ашиглан баяждаг учраас сонгуульд үргэлж нөлөөлж байдаг.

Сонгуулиар булхайцаж гарч ирээд төрд гарч, тэрхүү эрх мэдлээ ашиглан баяждаг. Тиймдээ ч сонгууль шударга болж чаддаггүй. Тиймээс сонгуульд гаднаас нөлөөлж буй хүчин зүйлийг аваад хаячих юм бол сонгууль илүү шударга болно гэсэн үг.

-Та бүхэн Төрийн ордонг нураана, нэвтэрнэ гэж байна. Нэг ёсондоо хүчээр төрийн эрхийг авахыг завдаж байна л даа.

-Монгол Улсад хувьсгалт өөрчлөлт шаардлагатай болсон. Монголын ард түмний ирээдүйг сайжруулж, энэхүү авлигачдаас аврахын тулд бидэнд цоо шинэ хувьсгал хэрэгтэй. Энэ бол нийгэм, эдийн засаг, улс төрийн төдийгүй хүмүүсийн оюун санааны хувьсгал байх болно. Хүмүүс өөрсдийгөө эрх чөлөөтэй, нэр хүндтэй л бол хүн гэж ойлгох ёстой.

Одоогийн хүмүүсийн ихэнх нь өөрсдийгөө нийгэмд огт хэрэггүй гээд ойлгочихсон байна шүү дээ. Ийм ч учраас бид энэхүү хувьсгалыг хийх гэж байгаа юм. Аливаа хувьсгал гэдэг өөрөө хүчирхийлэл. Ямар ч хувьсгал хуулийн дагуу болдоггүй. Учир нь эрх баригч анги өөртөө хэрэгтэй хуулийг л баталдаг юм.

Өөрийг нь засгийн эрхээс зайлуулаад, өндөр цалин, улсын мөнгийг идэх боломжоос нь тасалж болохоор хуулийг тэд боловсруулахгүй. Ийм ч учраас бид ард түмэнд хандаж энэхүү үндэсний ардчилсан хувьсгалыг эхлүүлэх гэж байгаа юм.

-Гэхдээ хуулиас гадуур үймээн самуун дэгдээн бослого хийх нь ямар үр дүнд хүргэдгийг бид долдугаар сарын 1-ний гэх үйл явдлаар харсан. Тэр байдал давтагдвал яах вэ?

-Хувьсгал гэдэг өөрөө хүчирхийлэл гэж хэллээ шүү дээ. Хоёрдугаарт, манай Жанжин Д.Сүхбаатар хэлэхдээ “Улс гэрийг төвхнүүлэхэд урсахгүй цус, алдахгүй амь гэж байдаггүй” гэсэн байдаг.

Тэгэхээр монголчууд том зорилгод хүрэхийн тулд золиос гаргахаас өөр аргагүй. Бид бүхэн зориг гаргах хэрэгтэй. Өөрсдийнхөө амь насыг золиослох, аюулд учруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн тэмцэлд орох хэрэгтэй. Энэ бүх үйл явдал тэмцлийн хуулиар явах болно. Түүнээс биш зүв зүгээр амаа ангайгаад, дээшээ хараад сууж байхад сайн сайхан хүрээд ирэхгүй.

Шударга ёс гэж мянган удаа хашхирлаа ч нийгэмд шударга ёс бий болохгүй. Шударга ёсыг тогтоохын тулд бид өөрсдөө ямар нэгэн зоригтой үйлдэл хийх хэрэгтэй. Зоригтой, шударга, нэр хүндтэй үйл ажиллагаа хийх ёстой. Өөрсдийгөө эрх чөлөөтэй, шударга, нэр хүндтэй хүмүүс шиг үйлдлийг хийх хэрэгтэй юм.

Түүнээс өөрсдийгөө боол мэт сэтгэхийн бол ямар нэгэн хууль тогтоомжид баригдаад Үндсэн хуулиар олгогдсон хамгийн чухал эрхээ эдэлж чадахгүй. Тэгвэл бидний ирээдүй хав харанхуй хэвээр үлдэнэ.

-Тэгэхээр дараагийн жагсаал цуглаанд хүчирхийллийг нэн тэргүүнд тавьсан, цус урсгасан тэм-цэл болох хэрэг үү?

-Дараагийн жагсаалд бид ард түмнийг нэгдэхийг хүсэж байгаа. Монголын ард түмэн өөрсдийнхөө хүсэл зоригийг зоригтой илэрхийлэх хэрэгтэй. Сүхбаатарын талбайг хүрээлээд тавьчихсан төмөр хашааг нэвтэлж, эрх чөлөөндөө хүрэх ёстой.

Үнэн хэрэг дэрээ энэ нь Үндсэн хуульд заасан ердийн л нэг зүйл шүү дээ. Энэ нь эрх баригч ангийнхны, олигархи баячуудын өөрсдийгөө хамгаалах гэж гаргасан хуулинд нь, сүүлийн хэдэн арван жил хүмүүсийн тархи, оюунд нь суусан боолын сэтгэхүйд нь харшлаад байгаа болохоор хачин аймшигтай сонсогдоод байгаа юм. Түүнээс биш бид онц юм юу ч шаардаагүй.

Зүгээр л засгийн эрхийг ард түмний гарт егөх гэсэн юм. Монгол Улсын иргэн бүр Засгийн газрынхаа ордонд орох хэрэгтэй. Учир нь Засгийн газрын ордон гэдэг олон нийтийн байгууллага. Олон нийтийн байшин.

Олон нийтийн байшинг ард түмний хөрөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр бий болгодог. Д.Сүхбаатарын талбай ч гэсэн яг адилхан. Д.Сүхбаатарын талбай төрийн тусгай хамгаалалтын газар, нөгөө талдаа ард түмэн зөвхөн эрх баригчдын зөвшөөрлөөр хурал, цуглаан хийдэг газар болж хувирсан.

Энэ нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн хэрэг. Үндсэн хуульд ард түмэн чөлөөтэй жагсаал хийх, эвлэлдэн нэгдэх эрхтэй гэж хуульчлан баталсан байдаг. Тиймдээ ч бид Үндсэн хуульд заасан монголчуудын эрхийг хамгаалахын төлөө тэмцэлд орсон юм.

-Ардчиллыг устгах хэрэг үү. Цаашдаа яана гэсэн үг вэ?

-Ардчиллын ачаар бид нийгмийн амьдралд идэвхтэй оролцох болсон. Зах зээлийн харилцаанд оролцож түүнээсээ ашиг хүртэж чаддаг болсон. Ийм эрх чөлөөтэй хүмүүсийн нэгдлийг л хэлдэг.

Хэрвээ бид тэр хүмүүст Засгийн эрхийг өгчих юм бол ардчилал устчих нь гэж үү. Ард түмэнд засгийн эрхийг өгөхөөр яагаад ардчилал устах ёстой юм. Ард түмэн толгойгоо өндийлгөх юм бол Монгол Улс сөнөнө гэж үү. Энэ бүхэн ердөөсөө л худлаа зүйл. Ард түмэнгүйгээр ардчиллыг байгуулах гэж оролдсоны хэрэггүй. Ардчилсан төрийн хамгийн гол тулгуур багана бол ард түмэн юм.

-Та олон улсын тоймч хүн. Энэ ч утгаараа та дотоодын хагаралдаан тухайн улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд эрсдэл учруулах боломжтойг хамгийн сайн мэдэж байгаа. Та бүхний зохион байгуулж буй жагсаал цуглаан дээрх байдалд хүргэчих вий гэх болгоомжлол байна.

-Дотоодын ямар ч хагарал байхгүй. Учир нь Монголын ард түмний дийлэнх олонх нь ядуу амьдарч байгаа. Цөөн хэдэн хүмүүс гадаадын банканд хөрөнгөтэй, тэнд гэр оронтой, хүүхдүүд нь ч мөн тэндээ суралцдаг. Тийм хэр нь төрийн эрх мэдлийг гартаа оруулчихсан.

Бид үнэн хэрэг дээрээ олонхын төлөө тэмцэж байгаа учраас ямар ч хагарлыг үүсгэхгүй. Хагарлыг үүсгэнэ гэж бодож байгаа хүмүүс биднийг эсэргүүцлийн жагсаал хийж байх үед тэр талбайд хүрч ирээд, миний хэлсэн үгийг үгүйсгээд үзэг л дээ. Өмнөх жагсаалын үеэр намайг үг хэлж байхад тэнд цугласан хүмүүс уухайлан дэмжиж байсан. Намайг буруу үг хэллээ гэсэн хүн тэр талбайд ганц ч байгаагүй.

Засгийн газрыг зөвхөн шүдээ хүртэл зэвсэглэсэн цагдаа болон тагнуулын нууц агентууд л дэмжиж байсан юм. Тиймдээ ч ард түмний дунд ямар ч хагарал байхгүй гэж хэлж чадна. Хүн болгонд өөр өөрийн гэсэн байр суурь байдаг боловч, чин үнэн нь цорын ганц л байдаг. Тэгэхээр бид энэ чин үнэний замаар л явж байна. Монголын төрд авлигачид хуралдчихсан.

Тэр хүмүүсээс Монголын төрийг цэвэрлэх шаардлага байгаа. Ямар нэгэн зүйлийг цэвэрлэхийн тулд гаднах бүрхүүлийг нь авах хэрэгтэй шүү дээ. Хашааг нь давах, хаалгыг нь онгойлгох хэрэгтэй. Авлигач этгээдүүдийг зэвсэг барьсан цагдаа нар хамгаалаад байгаа бол ард түмэн тэд нартай тулалдахаас өөр аргагүй болно.

Хувьсгал тэмцэл гэж үүнийг л хэлээд байгаа юм. Бидний тэмцлийг эсэргүүцэж, цэргийн хүчээр дарахын тулд хэн нэгэн этгээд Онц байдал зарлаж магадгүй. Гэхдээ бид үүнээс огт айхгүй байгаа. Хэрвээ ард түмний дийлэнх олонх биднийг дэмжих юм бол бүх зүйл ёсоороо болно. Бид ард түмнийг олигарх баячуудын дарангуйллаас чөлөөлж чадна гэсэн үг.

-Энэ бүхний хариуд та бүхэн ард түмэнд юуг амлаж байгаа талаараа тодруулаач?

-Бид шударга ёсыг л амлаж чадна. Монгол Улсад шударга ёс, ардчиллыг жинхэнэ утгаар нь бий болгож чадах юм бол цаашид зөв замдаа орно. Тэр цагт эдийн засгаа хөгжүүлж чадна.

-Төрийн эрхийг авсныхаа дараа та Ерөнхийлөгч болох юм уу?

-Би өөрийгөө Ерөнхийлөгч болно гэж бодохгүй байгаа. Гэлээ ч Монголын Ерөнхийлөгч ямар байх ёстой вэ гэдэг утгаар энэ үгийг хэлсэн юм. Одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд Засгийн газрын ордонд тагнуул, цагдаагаар хамгаалуулаад, 1930-аад оны муу ёрын саарал ордонд ард түмнээсээ нуугдаж байдаг. Ард түмэн тэнд орох эрхгүй.

Орсон ч иргэдийн хүлээн авах байр гэсэн үүдний умгар өрөөнд байж, доромжлолыг амсдаг юм. Жинхэнэ ард түмний Ерөнхийлөгч ажилдаа унадаг дугуй, эсвэл автобусаар очих ёстой. Ямар ч хүнтэй чөлөөтэй гар барьж мэндчилэх хэрэгтэй.

Бид УИХ-ын даргатай уулзъя гэсэн боловч төсөв хэлэлцэж байна гэсэн шалтгаанаар хүлээж авч уулзаагүй. Засгийн газрын байр гэж хэнийг ч оруулдаггүй хар хайрцаг болчихсон байхад бид түүнийг юу хийж байгааг яаж мэдэх юм. Үндсэн хуулийн Цэцийн Д.Одбаяр шиг нэг хүүхний өгзгийг тэврээд ч сууж байгаа юм билүү.

-Та дээр Үндсэн хуульд ард түмэн чөлөөтэй жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрхтэй гэж заасан байдаг тухай хэлж байна. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно гэдгийг ч Үндсэн хуульд заачихсан байдаг. Тиймдээ ч та гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэй юм биш үү?

-Ард түмний төлөө тэмцэж яваад хэрэг түвэгт орохоос айхгүй байна. Ард түмний төлөөх үйл хэрэг гэдэг хамгийн чухал. Хэн нэгэн хүн ард түмний төлөө тэмцэх, Засгийн газрыг, авлигачдыг татаж гаргаж ирээд шийтгэх ёстой.

Ард түмэнд үнэн үгийг хэлэх, шударга, ариун агуу их үйлсэд уриалах хэрэгтэй юм. Яг ийм чухал ажилд байгаа хүн өөрийнхөө тухай бодохын хэрэг байхгүй. Намайг тэгчих вий, ингэчих вий гэж айхын ч хэрэггүй. Тэртэй тэргүй бидний эсрэг эрх баригчид худал хуурмагийн бүхий л аппаратаа ажиллуулах болно.

-Гэрийнхэн тань хэрхэн хүлээж авч байгаа вэ. Шөнө орой суулт хийж, элдэв жагсаал цуглаан зохион байгуулаад явахаар тань санаа зовох юм уу?

-Хэлэлгүй яах вэ. “Энэ халзан өвгөн энэ тэрүүгээр гүйж явж байгаад сүйд болох вий” гэдэг юм. Би нэг талаас сул дорой хүн ч гэсэн миний хэлсэн үгийг хүмүүс хүндэтгэж хүлээж авдаг. Үнэн гэж хүлээн зөвшөөрдөг. Би Д.Сүхбаатарын талбайг ард түмэндээ хадгалж үлдэх гэж жагсаал хийсэн тэр шөнөдөө суулт зарлан, манаж хоносон.

Хөлдөөд үхэх боломж байсан ч жирийн ард түмэн надад халуун хоол, цай авчирч өгсөн. Тиймдээ ч би тэр шөнө хөлдөж үхэх биш бууз идсээр байгаад цатгалдаж үхэх аюулд орсон юм. (инээв) Тэртэй тэргүй би настай хүн, үхнэ гэдэг нь тодорхой. Д.Сүхбаатарынхаа хэлсэн үгийн дор, тэр талбайд үхэх нь илүү нэрд цэвэр байж магадгүй.

-“Монголын Үндэсний фронт”-ын ард хэн нэгэн эрх мэдэлтэн нуугдаж, энэ жагсаал цуглааныг явуулаад байгаа юм биш үү. Магадгүй танд ч мэдэгдэхгүйгээр хэн нэгэн ард нь захиалаад байгаа юм биш байгаа?

-Хэн нэгэн эрх мэдэлтэн гэж гадаадын банканд данстай, орд харштай, хүүхдүүд нь тэндээ сурдаг, өвчин туссан ч гадагшаа нисэж эмчлүүлдэг этгээдийг хэлээд байна уу даа.

Хэрэв бид засгийн эрхэнд гарах юм бол тийм этгээдүүдийн хөрөнгийг хурааж, хуулийн хариуцлага тооцох гэж байгаа. Тийм хүмүүс намайг дэмжих юм бол өөрийнхөө толгойг цусдах ажил хийж байна гэсэн үг шүү дээ. Тийм тэнэг амьтан байгаа гэж бодвол энэ нь ихээхэн гэнэн хэрэг болох байх.

-Хувийн хөрөнгийг хураана гэлээ. Яаж хураах юм бэ?

-Хувийн өмч гэдэг үгэнд хоёр янзын ойлголт байж болно. Хүмүүс ариун цагаан хөдөлмөрөөрөө ямар нэгэн өмч хөрөнгөтэй болсон байж магадгүй. Жишээ нь, би нэг эвдэрхий дугуйтай болсон.

Офшорын данстай хүн Лондонд орд харштай болсон. Энэ их мөнгийг ямар замаар олсон бэ гэдэг асуулт тавихад тэр хүмүүс хариулж чаддаггүй. Монгол Улс саяхан Саарал жагсаалтад орсон. Үүнд орох болсон нэг том шалтгаан бол Монголын банкуудын дүрмийн санд байгаа хөрөнгөнийхөө гарал үүслийг тайлбарлаж чадаагүйтэй холбоотой.

-Та бүхэн Б.Баярмагнай генералыг яагаад хөөчихсөн юм бэ?

-Б.Баярмагнай генерал тулааны талбарыг орхиод зүгээр л зугтаачихсан юм. Бид дотоодын дайснуудтай тулалдана гэж бодож байсан болохоор эрс шийдэмгий байсан. Харин тэрбээр бидний тэмцлийг сааруулсан, саатуулсан. Энэ тухай нь түүнээс асуухад хариулж чадаагүй.

Бид ард түмний төлөө тэмцэнэ гэж андгай тангараг өргөсөн. “Андгайгаасаа няцвал амиа егүүтгэнэ гэх утга монгол зүйр цэцэн үгэнд байдаг. Нэр төрөө хамгаалахын тулд эрэлхэг самурайн ёсоор ямар нэгэн үйлдэл үзүүлэх үү” гээд асуучихсан чинь генералын нүүр царай нь хачин болоод тэр өдөртөө алга болсон.

Тэр хүний тавхайгаа гялалзуулаад зугтаасан нь бидэнд сонирхолтой биш. Бид үзэл санаандаа, ард түмэндээ, тангарагтаа үнэнч учраас тэмцлээ үргэлжлүүлэх болно. Энэ сарын 15-нд тэмцлээ хийх болно. Нөхцөл байдлыг ингэж л тайлбарлахаар байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Чулуун-Эрдэнэ: Чөлөөт бүсэд суурьшлын бүс байхгүй, орж ирсэн хаалгаараа өдөртөө буцаад гарна

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Чулуун-Эрдэнэтэй ярилцлаа.


-2015 онд батлагдсан Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ хэлэлцэж байна. Багагүй маргаан дагуулаад буй уг хуульд яг одоо ямар өөрчлөлт орж байгаа юм бэ?

-Энэхүү хэлэлцээрийн төслийг боловсруулах, Хятадын талтай хэлэлцээ хийх явцад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Хил дамнасан чөлөөт бүс гэсэн томьёоллыг өөрчлөх чиглэл өгсөн. Үүний дагуу Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Чөлөөт бүсийн тухай хууль 2015 оны хоёрдугаар сарын 12-нд батлагдсан. Одоо энэ хуулийн зөвхөн 3.1.11-т “Хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн Газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг гэж тусгасныг “ Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэж өөрчлөхөөр санал оруулж байгаа. Нэр томьёоны л асуудал байгаа.

-Монгол, Хятадын Замын- Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хэлэлцээрийг хийхээр хоёр улс хэдийд санал нэгдсэн юм бэ?

-2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсад айлчлах үеэр хоёр тал Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоохоор санал нэгтэйгээр тохиролцсон. Улмаар төрийн тэргүүнүүдийн удаа дараагийн уулзалтаар эдийн засгийн коридор байгуулах, хил дамнасан чөлөөт бүс байгуулах тухай судлахаар харилцан тохиролцсон юм. Улмаар Ерөнхий сайдын 2015 оны 12 дугаар Захирамжаар “Замын-Үүд” болон Эрээний боомтод хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах, холбогдох судалгаа хийж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хүрээнд Замын-Үүд болон Эрээн боомтын хооронд хил дамнасан чөлөөт бүс байгуулах ажлын урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл, эрсдэлийн үнэлгээний судалгаа хийгдсэн. Монгол, Хятадын хамтын ажиллагааны бүс байгуулах асуудал 2015 оноос яригдаж, энэ хугацаанд хоёр улсын дээд түвшний уулзалт дөрвөн удаа зохион байгуулагдсан юм. Мөн онд Монгол улсын Аж үйлдвэрийн сайд, Хятадын худалдааны сайд нар харилцан ойлголцлын санамж бичиг, 2016 онд хамтарсан ерөнхий төлөвлөгөөг үзэглэсэн байдаг.

-Тэгэхээр Чөлөөт бүс байгуулснаар манай улсад ямар боломж нээгдэнэ гэж үзсэн гэсэн үг вэ?

-Орчин үед гадаад худалдааг хөнгөвчлөх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилттой уялдуулан хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, олон улсын стандартын дагуу хөгжүүлэх асуудлыг нэгдсэн бодлоготойгоор зохион байгуулах шаардлага бидний өмнө зүй ёсоор тавигдаж байна. Энэхүү бодлогын нэг хэсэг нь хилийн хамтын ажиллагааны бүс байгуулах. Хилийн хамтын ажиллагааны бүс байгуулахад хөрш орны хоорондын худалдааны нөхцөл байдал чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг.

Дорноговь аймгийн Замын-Үүд төмөр замын боомт нь 1956 онд нээгдсэн. Импортын өргөн хэрэглээний барааг энэ боомтоор авч байна. Тус боомтоор импортолсон барааны бүтцийг үзэхэд, цахилгаан болон механик машин тоног төхөөрөмж тээврийн хэрэгсэл, барилга барихад шаардлагатай төмөр болон ган хийц, цемент голлох буюу 60 орчим хувийг эзэлж байна. Харин тус боомтоор экспортолж буй барааны 70 гаруй хувийг малын гаралтай боловсруулаагүй арьс шир эзэлж байгаа юм. Үүнээс харахад Замын-Үүд–Эрээний хилийн хамтын ажиллагааны бүсэд Монгол-Хятадын хамтарсан арьс, нэхийний үйлдвэрийн кластер байгуулах нэг боломж харагдаж байна. Ингэснээр нэмүү өртөг шингэсэн барааны экспорт нэмэгдэж, тээврийн зардал, чөлөөт бүсэд үйлчлэх татварын тусгай хөнгөлөлт зэргээс дотоодын зах зээл дээр хувцас, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулж болох юм. Тухайн худалдаа эрхэлдэг иргэд чөлөөт бүсээс гурван сая хүртэлх бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр Монголын хил рүү оруулах боломжтой. Энэ нь тус боомтыг түшиглэн чөлөөт бүсийг хөгжүүлэх, хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж гэж үзэж байгаа юм.

-Урд хөрштэй чөлөөт бүс байгуулбал тухайн улсын иргэд зах замбараагүй зорчих суурьших, улмаар уусах эрсдэлтэй гэж зарим улстөрчид хэлж байгаа л даа.

-Өдгөө дэлхийн 120 гаруй улсад 3000-гаад чөлөөт бүс ажиллаж байгаагаас амжилттай хэрэгжүүлж байгаа улсыг БНХАУ тэргүүлж байна.

Энэ улсын чөлөөт бүс хөгжүүлэх онцлог нь бүс нутгуудын тэнцвэртэй хөгжлийг хангах бодлого баримталж туршилтын бүсүүдийг байгуулдаг явдал юм. 2019 оны байдлаар БНХАУ томоохон муж хотуудын онцлог, давуу талыг ашиглан 30 гаруй чөлөөт бүсийг байгуулжээ.

Монгол Улсын хувьд Чөлөөт бүс байгуулах туршлага байхгүй, харин БНХАУ 30 гаруй жилийн туршлагатай. Энэ боломжийг ашиглан Замын-Үүд, Эрээний хилийн хамтын ажиллагааны бүсийг байгуулж, Монгол Улсын харьцангуй давуу талтай бүтээгдэхүүн болох малын болон байгалийн гаралтай түүхий эдэд тулгуурласан үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт татах замаар эдгээрийг тойрсон кластерийг хөгжүүлэхэд анхаарна. Ялангуяа олон улсын дүрэм, журамд нийцсэн гадаадын хөрөнгө оруулалтын тогтвортой эрх зүйн орчныг бий болгож, үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй болгох, чөлөөт бүсэд хориглох, хязгаарлах үйлдвэрлэл, үйлчилгээг нарийн тодорхойлж, чанд мөрдүүлдэг жишиг тогтоох шаардлагатай юм. Түүнчлэн Монгол Улсын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх, БНХАУ-ын хэрэглэгчийг органик хүнсээр хангахад тухайлбал, рапс, хивэг, хөх тарианы гурил экспортлох, адууны мах болон боловсруулсан махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох мөн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой. Хил дамнасан чөлөөт бүсэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Монгол Улсад тарифын болон тарифын бус хөнгөлөлт үзүүлж буй АНУ, Япон болон ОХУ-ын зах зээлд гарах боломжийг ашиглах, эдгээр орны зах зээлд гарахад Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр маш чухал үүрэгтэй. Ерөнхийдөө Замын-Үүдийн чөлөөт бүс нь БНХАУ, ОХУ-аар дамжин Зүүн хойд Ази хийгээд Евро Азийн зарим зах зээлд нэвтрэх боломжтой байршил юм.

Чөлөөт бүсэд хятад иргэд орж ирлээ гэхэд тэрхүү орж ирсэн хаалгаараа л буцаад гарна. Зөвхөн хилийн боомтоор л нэвтэрнэ. Чөлөөт бүсээр дамжаад Монголын хилийг даваад, дураараа явна гэсэн үг биш, тийм боломжгүй.

-30 хоногийн турш визгүй учир Чөлөөт бүсэд орж ирээд суурьшчих юм биш үү гэх болгоомжлол байна.

-Чөлөөт бүс хамтын ажиллагааны бүс боллоо гэхэд тэнд хүн амьдрах суурьшлын бүс байхгүй. Зөвхөн худалдаа наймаа, үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлалын үйлчилгээ л явуулна. Хүн амьдраад, суурьших боломж байхгүй. Өдөртөө наймаагаа хийчихээд, үйл ажиллагаагаа явуулчихаад л буцаад хилийн боомтоороо гарна. Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа манай монголчууд Замын-Үүд рүүгээ, хятадууд цаашаагаа өөрийн нутагтаа л орж амьдарна. Тэр ч утгаараа чөлөөт бүс нь Монгол Улсын эдийн засаг, хөгжил хувь нэмрээ оруулахын сацуу бүс нутгийн хөгжлийг түргэсгэх зорилготой, давуу талтай юм. Мөн талууд нийгмийн ёс суртахуунд харш үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхгүй байх зарчим баримтална. Хоёр талын хууль тогтоомжийг хатуу чанга мөрдөнө. Талууд өөр, өөрсдийн хуулийн дагуу хяналтаа тавиад явах юм. 30 хоног визгүй зорчих асуудлын тухайд 2015 онд Чөлөөт бүсийн тухай хуульд тусчихсан байсан заалт юм.

-Одоогоор “Замын-Үүд” чөлөөт бүсийн дэд бүтэц, бүтээн байгуулалт ямар хэмжээнд байгаа юм бэ?

-УИХ-ын 2004 оны 17 дугаар тогтоолоор “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулахаар шийдвэрлэж, нутаг дэвсгэрийн хэмжээг 900 га-гаар тогтоон хилийн заагийг тодорхойлсон. “Замын-Үүд” чөлөөт бүс нь Улаанбаатар хотоос 680 км зайтай, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлана. Чөлөөт бүс нь олон улсын жишигт нийцсэн чөлөөт бүсийг байгуулж хөгжүүлснээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах явдал юм.

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийг санаачлан боловсруулсан нь дэмжигдэж, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 58.8 сая долларын хөнгөлөлттэй зээлээр дэд бүтцийн дөрвөн багц ажил хийгдсэн. Энэ ажлын хүрээнд “Замын-Үүд” чөлөөт бүсийн гурав, дөрөвдүгээр хэсэгт автозам, холбоо дохиолол, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, дулааны дэд бүтцийн ажлууд хийгдээд байна. Чөлөөт бүсэд эхний ээлжийн хатуу хучилттай 13.5 км авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, холбоо дохиоллын сувагчлалын ажил хийгдэж бүрэн дууссан. “Замын-Үүд” суманд 90 мВ хүчин чадалтай дулааны станц, чөлөөт бүсэд дулаан дамжуулах таван төв, Замын-Үүд суманд дулаан дахин дамжуулах долоон төвийг холбогдох шугам сүлжээний хамт барьж байгуулсан. Замын-Үүд сум болон чөлөөт бүсийг цэвэр усаар хангах ус цэвэршүүлэх байгууламж, чөлөөт бүсэд байрлах цэвэр усны өргөтгөлийн станц, хоногт 3040 м3 хүчин чадалтай ус цэвэршүүлэх байгууламжийг холбогдох шугам сүлжээний хамт барьсан. Замын-Үүд сумын дэд станцыг өргөтгөж чөлөөт бүсэд 2×16 мВт хүчин чадалтай дэд өртөө, 10/04 кВ-ын 16 дэд өртөө, 10 кВ-ын хуваарилах байгууламж хоёрыг барьж байгуулсан. Мөн чөлөөт бүсэд салаа төмөр зам оруулах асуудлыг төр болон хувийн хэвшил, түншлэгч талуудын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр ажиллаж байна. Зам тээврийн яам, Замын-Үүд төмөр зам , “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны хамтарсан ажлын хэсэг чөлөөт бүсэд ажиллаж, төмөр замын салаа оруулах боломжтой гэсэн дүгнэлт гарган, холбогдох судалгаа хийгдэж байна.

-900 га газар гэдэг багагүй талбай. Үүнд хичнээн аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулах боломжтой вэ?

-Одоогийн байдлаар 57 аж ахуйн нэгжид газар олголт хийчихсэн. 900 га газрын 300 га газарт дэд бүтцийн ажил хийгдчихсэн. Гадаадын хөрөнгө оруулалттай компани одоогоор орж ирээгүй байгаа. Хоёр тал хөгжлийн төлөвлөлтөө харилцан уялдуулж хийх ёстой. Тиймдээ ч хамтын ажиллагааны бүс болоод ирсэн тохиолдолд Монголын талд баригдаж байгаа үйлдвэр Хятадын талд давтагдахгүй. Хятадын барьсан нь Монголын талд давтагдахгүй байх юм. Энэ бүхнийг хэлэлцээртээ тусгачихсан.

-Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах сонирхолтой аж ахуйн нэгжүүд хэрхэн хамрагдах вэ?

-2015 онд батлагдсан Чөлөөт бүсийн хууль хүчин төгөлдөр хэрэгжээд явж байгаа. Тиймдээ ч дээрх 57 аж ахуйн нэгж чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулахаар газар авахдаа төсөл сонгон шалгаруулалт юм уу, дуудлага худалдааны хэлбэрээр авсан. 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл таван удаагийн төсөл сонгон шалгаруулалтын ажил хийгдсэн. Цаашдаа ч үндэсний топ аж ахуйн нэгжүүдийг энэ чөлөөт бүсэд ороосой гэж уриалах байна. Дээр хэлсэнчлэн бүтээгдэхүүнээ зөвхөн урд хөрш рүү гаргах биш гуравдагч орон руу гаргах боломж та бүхэнд бий шүү гэдгийг хэлэх байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Дамба-Очир: Монгол Улсад төр гэж байгаа бол Оюу толгой хэлэлцээрийн ширээний ард сууж л таараа

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой ярилцлаа.


-Оюу толгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт гарсан ч одоог хүртэл УИХ хэлэлцээгүй байна. Одоогийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байгаа бол?

-Оюу толгойн төслийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахласан. Мөн үүний дараа дахин нэг ажлын хэсгийг Б.Баттөмөр гишүүнээр ахлуулан байгуулсан. Би УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны дарга байх үедээ Оюутолгойн төслийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцүүлэх бүх бэлтгэл ажлуудыг хангасан. Ямар сайндаа л албан тоот өгч байхав. Тухайн үед намайг янз бүрээр л хэлсэн.

-Таныг Оюу толгойн ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хороогоор хэлэлцэхээс өмнө Оюу толгой компанийнханд хүргүүллээ гэж шүүмжилсэн л дээ.

-Ер нь бол Захиргааны хуулийн дагуу хэлэлцэх гэж байгаа тохиолдолд хүссэн ч, эс хүссэн ч албан тоотоор хүргүүлж, саналыг нь авах ёстой. Хэлэлцүүлэх бэлтгэл ажлынхаа процедурыг л бид хангаж байсан гэсэн үг. Түүнээс хойш Оюутолгойн асуудлыг хэлэлцэхгүй өнөөдрийг хүрлээ. Энэ асуудлыг яаралтай хэлэлцэж, нэг талд нь гаргах нь зүйтэй. Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх байх гэж бодож байна.

-Оюу толгойн төслийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгээс Дубай хотноо байгуулагдсан далд уурхайн бүтээн байгуулалтын төсөл, менежмэнтийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомж болон Хөрөнгө оруулалтын гэрээ зүйл заалтыг зөрчсөн тул хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн. Энэ зөв үү?

-Дубайн гэрээ бол гүнийн уурхайн ажил. Үүнийг хүчингүй болгож болохгүй, сайжруулах хэрэгтэй. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгах нь зөв. Тэгж чадвал Монгол Улсын эдийн засаг хоёроос гурав дахин өснө, хөрөнгө оруулалт орж ирнэ. Оюутолгойн хүчин чадал илээр олборлож байгаагаа бодох юм бол хоёроос гурав дахин нэмэгдэнэ. Энэ нь Монгол Улс шиг жижиг эдийн засагтай оронд шууд эерэгээр нөлөөлнө.

Өндөр өсөлт гарах учиртай. Гэсэн ч энэ нь хойшлоод байх шиг байна. Миний ойлгож байгаагаар 2020-2021 он гэхэд ашиглалтад орчих байх. Дубайн гэрээнд санхүүгийн таван заалт бий. Засаж янзлах зүйлүүд байна гэж харж байгаа. Тэдгээрийг засах нь зөв. Хөрөнгө оруулалтын гэрээний хувьд харьцангуй сайн болсон. Хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр эргэж харах зүйл бий. 34 хувь гэх мэт янз бүрийн зүйлүүд бий. Үүнийг ажлын хэсэг шалгасан. Тиймдээ ч Оюу толгойг улстөржүүлээд байлгүй цэгцлээд авах нь зүйтэй гэж үзэж байна.

-Энэ асуудлыг УИХ хэзээ нэг тийш нь болгох вэ?

-Эхлээд бүлэг дээр энэ асуудлаа ярьж, гишүүд ойлголтод хүрч аваад хэлэлцэнэ байх. Хэлэлцэх үед Оюу толгойг оролцуулж попордог гишүүд нь тэр явдлаа багасгах нь зүйтэй юм. Оюу толгойн гэрээг сайжруулах нь зөв болохоос биш хөрөнгө оруулалтыг хөөж гаргах нь зохимжгүй. Тэртэй тэргүй гадны хөрөнгө оруулалт Монголд байхгүй болчихлоо. Өнгөрсөн жилийг энэ онтой харьцуулахад хөрөнгө оруулалт 20 хувь буурчихсан. Ганц хөрөнгө оруулагч нь Оюу толгой л байна. Орж ирж байгаа нэг тэрбум гаран ам.долларынх нь нэг тэрбум нь үндсэндээ Оюу толгойнх байгаа юм. Оюу толгойн гүний уурхай дээр л хөрөнгө оруулалтууд явагдаж байгаа. Гадны хөрөнгө оруулагчид зөвхөн Оюу толгойг л харж байна. Тийм учраас гэрээгээ сайжруулаад ажлаа цааш нь явуулах тогтоолыг УИХ гаргах ёстой. Засгийн газрыг Оюу толгойтой хэлэлцээрийн ширээний ард суулгах хэрэгтэй юм.

-Хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр яг ямар өөрчлөлтүүдийг хийх нь зөв юм бэ?

-Хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруулж 51 хувь, зарим нь 34 хувиа эзэмших ёстой гэх мэтчилэн ярьдаг. Хувь нийлүүлэгч, Дубайн гэрээн дээр зайлшгүй эргэж харах зүйлүүд байгаа. Монгол Улсын эдийн засаг, эрх ашгийг хөндсөн, зайлшгүй засаж, сайжруулахгүй бол болохгүй заалтууд бий. Гэхдээ Монгол Улсын эдийн засгаар тоглож болохгүй. Эдийн засаг улстөрждөг зүйл биш. Нэг л гэр, нэг л улс оронд амьдарч байгаа юм бол эдийн засгаар улстөржиж оноо авна гэж байхгүй.

-Оюу толгой компани Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард сууж чадах болов уу?

-Сууж таарна. Оюу толгой Монголын л нэг аж ахуй нэгж шүү дээ. Бүгдээрээ л хэдэн талаас нь гүйж өндөр авахуулаад байгаа болохоос бусдын л адил аж ахуйн нэгж. УИХ-ын тогтоол шийдвэр гарвал түүний дагуу л хэлэлцээрийн ширээний ард хүссэн, хүсээгүй сууж таарна.

-Оюу толгой компаниас гэрээнд өөрчлөлт оруулахгүй гэх байр суурийг илэрхийлсэн. Энэ тухайд?

-Оюу толгой компани бид нэг үг, үсэг, таслал өөрчлөхгүй гэж байгаа. Энэ бол тэд нарын л бодол, хүсч байгаа зүйл. Монгол Улсад төр гэж байгаа бол Оюу толгой хэлэлцээрийн ширээний ард сууж л таараа. Манай улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж, ашигт малтмалыг нь ашиглаж л байгаа компани шүү дээ. Гэрээг бидний хүссэнээр нэг бүрчлэн өөрчилнө гэж байхгүй. Гэсэн ч хүмүүс хоорондын харилцааны л асуудал учраас хоёр талаасаа ойлголцоод гэрээгээ засаад явах нь л зөв. Засах зүйл олон бий. Дээр хэлсэнчлэн Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ харьцангуй сайн болсон. Бусад хөрөнгө оруулагчдад жишиг болохуйц гэрээ гэж харж байгаа. Гэвч сүүлд нь л баллаад хаячихсан. 2009 онд байгуулсан гэрээнд бид 2011 онд өөрчлөлт оруулж, улам сайжруулсан. Түүнийг Оюу толгой хүлээж л авч байсан. Гэтэл өнөөдөр хүлээж авахгүй гээд гүйж байгаа нь зохимжгүй юм. УИХ-аас тогтоол шийдвэр гарчихвал Оюу толгойн хулхи нь буугаад ширээний ард сууна. Тиймдээ ч энэ нь УИХ-ын шийдэх ёстой асуудал.

-Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр Сангийн сайд баяжуулах үйлдвэрээс татвар авахгүй бол Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр ч татвар төлөхгүй гэх зүйлийг хэлсэн. Энэ хэр бодитой вэ?

-Сангийн сайд татвар авч, төсөв бүрдүүлэх нь зүйтэй. Энэ үүрэг нь мөн. Нөгөө талдаа АМНАТ гэдгээ юу болох талаар ойлгох хэрэгтэй. Энэ нь уурхай олборлолт хийж, хүдэр гаргаад эхэлж байгаа бол түүндээ тогтсон АМНАТ буюу нөөцийн татварыг төлөхийг хэлж буй. Түүнээс тээвэрлэж, боловсруулж, баяжуулж, цааш нь ачих гэж байгаа компаниудад хамаагүй асуудал юм. Тиймдээ ч АМНАТ гэх татвараа олон улсын жишгийн дагуу л авах ёстой. Татвар авахдаа зөв авах хэрэгтэй. Би үүнийг л ярьж байгаа. Эрдэнэт үйлдвэр АМНАТ төлж байгаа. Гэхдээ хүдэрээ олборлоод баяжмал гаргаад төлж байна.

-Төсөвт хүндрэл үүсэх үү?

-Хэрэв тийм бол шийдвэрээ эргэн хар л гэж байгаа юм. Хүн болгон татвар төлөх ёстой. Төлөхдөө хичнээн хэмжээний хүдэр олборлов тэр хэмжээндээ л төлөх хэрэгтэй. Лицензгүй компаниудыг төлүүлэх үүднээс энэ шийдвэр өнгөрсөн гуравдугаар сард байнгын хороон дээр гарч байсан. Гэсэн ч энэ нь давхардсан байгаа юм. Татварыг давхардуулахгүйгээр ав гэдэг өгүүлбэрийг тавьж байсан ч бүх шатан дээр нь татвар авах мэтээр ойлгож, хүчингүй болгосон. Татвараа авах нь зөв ч АМНАТ-ийг зөв хэлбэрээр авах нь зүйтэй гэдгийг дахин хэлье.

Хэрвээ олборлож байгаа компани нь АМНАТ-өө төлөөгүй байвал боловсруулж байгаа нь төлөх. Олборлож байгаа компаниас авч буй нүүрсэнд чинь заавал АМНАТ төлөгдсөн нүүрс байх, хэрэв төлөөгүй байвал боловсруулах гэж байгаа чи төлнө шүү гэдэг зохицуулалтыг нь оруулж өгөх хэрэгтэй юм. Энэ тохиолдолд олборлож байгаа компани нь 2.5 хувийн л татвар төлөх учир боловсруулж байгаа компаниа тусад нь аж ахуйн нэгж болгочих нөхцөл байдал үүсч мэднэ. Манайхны чинь толгой сайн ажиллана шүү дээ. Тэр бүгдийг хааж өгөх хэрэгтэй гэдгийг би ойлгож байгаа.

-Та Эдийн засгийн байнгын хорооны дарга байсан хүний хувьд Монгол Улс саарал жагсаалтад орсон асуудалд юу хэлэх вэ?

-Саарал жагсаалт Монгол Улсад нөлөөлөх нь харьцангуй бага. Гагцхүү арилжааны банкуудад нөлөөлнө. Гадагшаа шилжүүлж буй хөрөнгүүд нь давхар шалгагдаж байгаа. Шалгах нь ч зүйтэй байх. Хурдан хугацаанд төлбөр, тооцоо хийх асуудал хүндэрнэ. Яахав одоохондоо эдийн засгийн байдал харьцангуй сайн байгаа учраас яригдахгүй байна. Цаашдаа зээлийн рейтинг бууж магадгүй. Тэр тохиолдолд гаднаас орж ирж буй зээлийн хүү, зардал нэмэгдэнэ. Ийм л хоёр хүнд асуудал бий. Бусдаар хүндрэл байхгүй гэж харж байна. Валютын нөөц 4.3 боллоо, экспорт ч нэмэгдлээ. Худалдааны тэнцэл нэмэхтэй гарлаа. Өөрөөр хэлбэл, орлого нь зарлагаасаа давж биелж байна. Монгол Улсын 2019 онд ашигтай гарахаар харагдаж байна. Сүүлийн хоёр жилд төсвийн орлого дандаа давж биелж байгаа гэх мэт сайн үзүүлэлтүүд бий. Энэ нөхцөл байдлуудаа богино, дунд, урт хугацаанд аваад явах нь зүйтэй. Гадны хөрөнгө оруулалт Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20-30 хувь байдаг. Тиймдээ ч гадны хөрөнгө оруулагчдыг татахгүйгээр, тэдний мөнгийг оруулж ирэхгүйгээр эдийн засгаа өөд нь татаж чадахгүй. Тэднийг бид аль болох дуудах ёстой болохоос үргээж болохгүй. Улмаар дэмжиж, эрх ашгийг нь хамгаалах нь зүйтэй юм.

-Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлсэн. Энэ нь зөв үү?

-Эдийн засгийн байнгын хорооны дарга байх хугацаандаа Саарал жагсаалтад орчихгүй юмсан гэж их л ажилласан. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо нь ЭЗБХ-ны харьяанд байдаг. Тиймдээ ч эдгээр байгууллага болон Банк бус санхүүгийн байгууллага, хоршоодуудыг цуглуулж зөвлөгөөн хийж байлаа. Мөн тэр хүрээнд шалгасан. Их ажил хийгдсэн гэж бодож байгаа. Саарал жагсаалттай холбоотойгоор зарим нэг хүмүүст хариуцлага тооцох гэж байгаа юм байна. Банк бус санхүүгийн байгууллагуудтай холбоотой ажлыг Санхүүгийн зохицуулах хороо голчлон хариуцаж хүлээж авсан. Тэр утгаараа санхүүгийн эх үүсвэрээ баталж, нотолж чадахгүй байгаа зүйлүүдийг нь батлуулах хэрэгтэй байсан. Мөн банк бус санхүүгийн байгууллагыг 800 сая төгрөгөөр байгуулдаг байтал 2.5 тэрбум болгочихсон. Гэтэл 800 сая дээрээ нэмж оруулж ирж байгаа хөрөнгийнх нь эх үүсвэр нь ойлгомжгүй байгаа юм. Энэ зүйлүүдээ гаргаж ирэх хэрэгтэй. Ер нь Санхүүгийн зохицуулах хороо ажиллаж байсан ч байнга л хэрүүл, тэмцэлтэй явж ирсэн. Дотроо хагаралтай байсан зүйлүүд ч бий. Харин Монголбанк сайн ажилласан гэж хэлэх байна.

Ерөнхийдөө 40 гаруй зөвлөмжөөс дөрвөн ажил нь дутуу гэх үндэслэлээр саарал жагсаалтад орсон. Нэгдүгээрт, хойд Солонгосыг бид дэмжиж байгаа нь үнэн. Дэмжихгүй байх ч хэцүү юм. Хоёрдугаарт, шүүх дээр маш олон хэргүүд шийдэгдэж чадахгүй, буцаагдаж байгаа. Шүүх авлига авах асуудал байгаа шүү дээ. Гуравдугаарт, ихээхэн хэмжээний алтыг янз бүрийн байдлаар гаргаж байгаа. Татвар төлөхгүйгээр гэсэн үг. Дөрөвдүгээрт, гадуур баригдаж байгаа элдэв оффис, орон сууцнуудаа ямар эх үүсвэрээр барьж байгаа вэ гэдгээ тайлбарлаж чаддаггүй. Бартераар барьж байна л гэдэг. Саарал жагсаалтад орсон энэ дөрвөн зүйл дээрээ бид онцгой анхаарах хэрэгтэй. Энэ зөвхөн холбогдох байгууллагуудын асуудал биш.

Үнэндээ энэ асуудал дээр УИХ гараа өргөөд сууж байгаа нь харамсалтай. Алтны татварыг тав болгочихвол алтаа хилээр хулгайд алдчих нь гэж бууж өгөөд байх жишээтэй. Угтаа холбогдох хууль хяналтын байгууллагууд нь ажиллах, хяналт тавих ёстой баймаар. Гэтэл үнэн хэрэг дээрээ цагдаа, гааль, хил бүгдээрээ оролцож байгаад л тэр алтыг гаргаж байгаа шүү дээ. Тэр бүгдийг цэгцэлж чадахгүй байгаа нь төрийн арчаагүйнх. Энэ утгаараа бусад байгууллагууд ч Саарал жагсаалтад орсонд хамаатай байгаа юм. УИХ энэ асуудлаа хаалттай хэлэлцэж, холбогдох байгууллагуудад нь хугацаатай чиглэл өгөх хэрэгтэй байна. Ингэж арга хэмжээ авч байж жилийн дотор Саарал жагсаалтаас гарна.

-2020 онд Орхон аймагт буюу таны тойрогт хамгийн бага төсөв төсөвлөгджээ. Үүнд та юу хэлэх вэ?

-Хэрүүл хийж байгаад хоёр тэрбум төгрөг нэмүүлж авсан. (инээв) Гэр хорооллынхоо тохижилтод зориулж тэрхүү төсвийг тавиулсан.

-Иргэдийг хорт хавдар эрт илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор төсөвт хөрөнгө суусан уу?

-Тийм. Уг хууль батлагдсанаар иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, уушгины хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болно. Нэн тэргүүнд эмч нарыг сургах, тоног төхөөрөмжөө худалдан авна. Энэ мэт бэлтгэл ажлуудад хагас жил хэртэй хугацаа шаардагдах болов уу. Эхний удаад тоног төхөөрөмж авч байгаа учир арай илүү төсөв төсөвлөгдсөн. Нэг хүний шинжилгээг хийхэд 27 мянган төгрөг зарцуулагдана. Үүний төсөв жил бүр тавигдаад явна.

Саяхан ходоодны хорт хавдартай залуу энэхүү хуулийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж, надад хандсан. Тэрээр “Энэ хуулийн төслийг дэмжиж байна, бусдад таниулах, суртал ухаалга хийх ажлыг би хиймээр байна. Би хэр удаан амьдрахаа мэдэхгүй. Гэхдээ надаас өөр хүмүүс бүү өвдөөсэй. Эрүүл мэнддээ анхаардаг болоосой гэж хүсч байна” гэсэн. Ер нь элэг, уушги, ходоод зэрэг нь хавдрын хүнд үед орсон тохиолдолд л өвддөг дүлий эрхтнүүд юм байна. Тийм учраас ходоодыг гэмтээх хеликобактер, элгийг өвчлүүлэх, умайн дээр вирус байна уу гэдгээ л эрт мэдэх хэрэгтэй байх нь. Энэ утгаараа эрт илрүүлэлт хийх нь чухал байгаа юм.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ парламент баталж чадах уу?

-Батлагдана. Өнөөдөр (өчигдөр) бүлэг дээр ярьсан. Гурав дахь хэлэлцүүлгээ хийгээд баталъя л гэж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ удаад баталж чадахгүй бол дараа дахин баталж чадахгүй байх. Баталж чадахгүй, цааш явбал эцэст нь эмх замбараагүй байдалд хүрнэ. Дотооддоо хүнд байдалд орж, Иран, Иракийн араас орж болохгүй л дээ. Тиймээс эрх баригч нам 64 гишүүнтэй байгаа энэ үедээ батлах хэрэгтэй. Нэгэнт л ард иргэдийн төрд итгэх итгэл алдраад байгаа бол сайжруулж, цэгцэлж авах нь зүйтэй юм. 2020 онд хэн ч гарч ирээ билээ, хуулиараа л цэгцлэгдэж явахгүй бол болохгүй. Хэрэв чадахгүй бол дараагийн парламент гарч ирээд улам л муу нэр зүүнэ.


Categories
мэдээ цаг-үе

С.Бямбацогт: Эрх зүйт төр Үндсэн хуулиасаа эхэлж төлөвшинө

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогттой ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ долоо хоногт хэлэлцэж эхлэхээр төлөвлөжээ. Ардчилсан намтай зөвшилцөлд хүрсэн гэж ойлгох уу?

-Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол болохгүй нь гэдэг асуудал бүр 2008 оноос л яригдсан зүйл шүү дээ. Гурван парламент дамжин яригдаж, олон янзын төсөл боловсруулагдаж, эцэст нь эцэг хуулиа илүү сайжруулж байж төрийн түгжээ гацааг арилгах юм байна гэдэг дээр бүгдээрээ санал нэгдсэн. Тэр тусмаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах энэ удаагийн төслийг бүхэл бүтэн хоёр жилийн турш ард нийтээр хэлэлцүүлж, үг саналыг нь авч, маш их тооцоо судалгаа хийж, усыг нь шахаж, хийг нь гаргачихаад одоо ингээд орхичихвол дэндүү хайран.

Ингэвэл бид дор хаяж дахин найман жил Үндсэн хуулийн өөрчлөлт ярихгүй байх хуулийн заалттай. Тэр тохиолдолд бид олон жил хөгжихгүй байгаа шалтгаанаа, төрийн эрх мэдлийн хуваарилалтын алдаагаа, УИХ-д барьцаалагдсан тогтворгүй гүйцэтгэх засаглалаа, төсвийн хяналтгүй үрэлгэн байдлаа, хараат бус нэртэй ч ачир дээрээ хараат болчихоод байгаа шүүхээ халаглан ярьсаар л байх болно. Дахиад л “Давхар дээл”-ийг шүүмжилж, нийтийн өмч эрх мэдэлтэй, мэдээлэлтэй цөөхөн хүний хоол болж буйд бухимдаж, Улаанбаатараас бусад нь хот болон хөгжих боломжгүйд харуусаж, хариуцлага дээрээсээ эхлэхгүй байгаад эгдүүцэн дороо хий эргэсээр л байх болно.

Тийм болохоор Ардчилсан намтай ч, Ерөнхийлөгчтэй ч зөвшилцөлд хүрч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө хэлэлцэн батлах нь зөв гэж үзсэн. Одоо хэлэлцээд явж байгаа Үндсэн хуулийн энэ төсөлд Ардчилсан нам эрх барьж байх үед боловсруулсан Үндсэн хуулийн төслийн үзэл санааны дал, наян хувь нь орчихсон явж байгаа. Тэгэхээр үүнээс хойш сууж, ойрын зайн улс төр хийх нь хэнд хэрэгтэй гэж. Улс гэрийнхээ нийтлэг том эрх ашгийн төлөө Үндсэн хуулиа улам үнэ цэнэтэй, хүчтэй, хийдэлгүй болгох түүхэн үйл хэрэгт идэвхтэй оролцох нь ард түмний итгэл хүлээж сонгогдсон УИХ-ын гишүүн бүрийн хувьд хамгийн чухал, эн тэргүүнд хийх ажил гэж би ойлгож байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэдийд эцэслэн батлагдах бол?

-Яг тэдэнд гээд хугацаа хэлэхэд арай л эрт байна. 2019 оны есдүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч “Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд хориг тавьсан. Энэ хоригийг 2019 оны аравдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа Улсын Их Хурал хүлээн авсан. Ингэснээр Үндсэн хуулийг ард нийтийн санал асуулгаар батлах Улсын Их Хурлын шийдвэр хүчингүй болж, улмаар ард нийтийн санал асуулгад оруулах эх хүчингүй болсон гэсэн үг. Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараахь УлсынИх Хурлын 57 гишүүний дэмжлэг авсан нийт 19 зүйлийн 35 заалт бүхий төсөл гурав дахь хэлэлцүүлэгт орохоор байгаа гэдгийг тодотгож хэлье. Зарим нэг улстөрчид үүнийг мушгин гуйвуулж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх нь буруу гэж ярьж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Энэ бол өөрт ашигтай улс төрийн тоглолт хийх гэсэн санаархал төдий зүйл.

-Ардчилсан намын зүгээс Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх зохицуулалтыг Үндсэн хуульд тусгах санал гаргасан.Энэ зохицуулалт орсноор ямар давуу тал бий болох вэ?

-Маш зүйтэй асуулт. Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, сонгодог парламентыг төлөвшүүлэх, гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх талаар олон жил ярьсан. Одоо л үүнийгээ жинхэнэ ажил хэрэг болгох цаг хугацаа ирчихээд байна. Монголд нүүрлээд байгаа засаглалын хямралын үндэс нь хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх эрх мэдэлдээ хутгалдсан, гүйцэтгэх засаглал нь УИХ, Ерөнхийлөгчдөө барьцаалагдсан явдал гэдгийг би дандаа хэлдэг. Засгийн газрынхаа хөлийг нь тушчихаад ташуурдаад байж болохгүй гэдэг үгийг мөн ч олон хэлсэн дээ. 1992 онд Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 27 жилийн хугацаанд 17 Засгийн газар ажиллаж байна. Дөрвөн жил насалдаг Засгийн газар гэж байхгүй болсон. 10 Засгийн газар хугацаанаасаа өмнө огцорсон байна. Гүйцэтгэх засаглалын энэ тогтворгүй байдлаас болж улс орны эрх ашиг хохирч, хөгжлийн бодлого бүү хэл Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжиж чадахгүй болчихоод байгаа юм. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ зарим бүрэн эрхээсээ зоригтой татгалзах ёстой гэж үзсэн. Эн тэргүүнд УИХ сайд нарыг томилдог томилгооны эрхээсээ татгалзах хэрэгтэй байгаа юм. Хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайдад сайд нараа томилж, чөлөөлөх эрхийг олгох асуудлыг 52 гишүүн дэмжиж санал өгсөн ч харамсалтай нь 57 гишүүний босгод аваагүй тул энэ санал унасан. Одоо Зөвшилцлийн ажлын хэсгийн саналын томьёололд Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна гэсэн агуулгаар орсон. Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх эрх мэдлийг өгөхгүйгээр түүнээс зоримог шийдэл, бүрэн хариуцлага нэхэх нь утгагүй л дээ. Ингэж байж л Засгийн газар бие даан танхимаар ажиллах, хариуцлага хүлээх боломж сая бүрдэнэ.

-Тэгвэл АН-ын холимог тогтолцоог бий болгох нь зүйтэй гэх саналын тухайд юу хэлэх вэ?

-УИХ-ын сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулахтай холбоотой АН-ын санал хоёр дахь хэлэлцүүлгээр унасан. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн тухайд бол Сонгуулийн тогтолцоо журмыг хуулиар тогтооно гэсэн заалт л бий. Одоо Зөвшилцлийн ажлын хэсэг дээр “Улсын Их Хурлын сонгуулийг олонхыг төлөөлөх болон хувь тэнцүүлэх зарчмыг тэнцүү хослуулан явуулна” гэсэн байдлаар яригдаж байна. Хөгжиж буй орнуудад сонгуулийн ийм тогтолцоог илүү хэрэглэж байгаа жишээ бий. Чухам аль тогтолцоог сонгох вэ гэдэг хэлэлцүүлгийн үр дүнд тодорхой болно.

-2020 оны сонгууль дөхсөн. Үүнээс өмнө Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн барихад бэлэн болжээ. Хуульд орж буй гол зохицуулалтаас дурдахгүй юу?

-Мэдээж хэрэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрхэн батлагдахаас Сонгуулийн тухай хуульд ямар өөрчлөлт орох вэ гэдэг илүү тодорхой болно. Энэ арваннэгдүгээр сард багтаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл батлагдчихвал дагаад Сонгуулийн тухай хууль орж ирж таарна байх. Тэр үед л илүү тодорхой ярих боломж бүрдэх биз.

-Иргэдийн саналыг гараар тоолох зохицуулалт орж байгаа юу. Гараар тоолох нь баталгаатай биш гэх үндэслэлээр машинаар тоолохоор шийдвэр гаргаж байсан. Буцаад гараар тоолохоор болж байгаа нь ямар учиртай вэ. Нөгөөтэйгүүр машинаар тоолох нь мөн л иргэдийн эргэлзээг төрүүлдэг. АНУ-д ч энэ нь нотлогдсон учир халсан байдаг. Энэ тухайд та байр сууриа илэрхийлээч?

-Өнгөрсөн хугацаанд сонгогчдын саналыг машинаар тоолох нь эргэлзээгүй юм байна гэдгийг бүгдээрээ ойлгосон. Тийм болохоор үүнийг өөрчлөх, гараар тоолох гэж зүтгээд байх нь утгагүй. Өмнөх сонгуулиудын адил машинаар тоолсон саналыг санамсаргүй сонголтоор зарим хэсгийн хороонд хяналтын байдлаар гараар тоолох зарчмаараа л явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр буцаад бүх саналыг гараар тоолдог болох гэж байна гэдэг нь ташаа мэдээлэл.

-АМНАТ-ийн хуультай холбоотой Цэцийн шийдвэр гарсан. Үүнээс үүдэн татвар хуримтлуулах, дотоодын аж ахуйн нэгжээ дэмжих гэсэн хоёр байр суурь дээр хуваагдчихсан мэт харагдаж байна. Таны хувьд юу гэж харж байгаа вэ?

-Энэ асуудал дээр маш болгоомжтой хянуур хандах учиртай. ҮХЦ нэгэнт шийдвэрээ гаргасан учраас бид ойрын хугацаанд нэг талаар татварын орлогоо тасалдуулахгүй байх, нөгөөтэйгүүр дотоодын аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчдээ дэмжих бодлогынхоо алтан тэнцвэрийг олох учиртай. Түүнээс үүнийг улс төрийн оноо авах сэдэв болгож болохгүй. Өндийж байгаа эдийн засгаа нураачихаж болохгүй. Сангийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас байгуулагдсан ажлын хэсэг хурдан зөвшилцөлд хүрч энэ долоо хоногт багтаан зөв шийдэлд хүрч хуулийн гаргалгааг олох хэрэгтэй болж байна. Уг нь Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан ч нэгдсэн ойлголтод яаралтай хүрэхгүйгээр энэ хууль батлагдаж чадахгүй.

-АМНАТ-өөс болж үнэхээр төсөвт хүндрэл үүсэх үү?

-Хэрвээ энэ асуудлыг зөв зүйтэй шийдэж чадахгүй бол ирэх оны төсөвт хүндрэл үүсэх нөхцөл бүрдчихээд байгаа нь үнэн. Сангийн сайд ч энэ талаар байр сууриа удаа дараа илэрхийлж байна билээ. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ямар хувь хэмжээгээр, хэрхэн давхардуулалгүй ногдуулах тухай зохицуулалтаа маш ойлгомжтой хийх хэрэгтэй. Хуулийн зохицуулалтаа буруу хийчих юм бол Монголбанкинд тушааж буй алтны хэмжээ буурч, дахиад л далд эдийн засаг үүсгэх эрсдэл бий. Зөвхөн алт гэлтгүй нүүрс, зэс, төмрийн хүдэр , цайр гээд бусад ашигтмалтмалын экспортод сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Энэ нь эргээд төсвийн орлого тасалдахад хүргэх учраас маш чамбай хандах л ёстой болж таарч байна.

-Энэ жилийн төсвийг “Сонгуулийн төсөв боллоо, гишүүд тойргоо услахад чиглэгджээ” гэж шүүмжилж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Сонгуулийн жилийн өмнө төсөв хэлэлцэх бүрт л ийм шүүмжлэл гардаг. Энэ ярианд үнэний хувь ч бий. Зарим талаар улс төрийн зорилгоор хэт дэгсдүүлсэн зүйл ч бий. Энэ бүхний цаад учир шалтгаан явж, явж мөнөөх л сонгуулийн тогтолцоондоо хамаг учир байгаа гэдгийг бүгд л мэдэж байгаа. Нэгэнт тойргоос сонгогдсон гишүүн тухайн тойргийн иргэдийн өмнө хүссэн ч, хүсээгүй ч үүрэг хүлээж таарна. Тэнд сургууль , цэцэрлэг, эмнэлгийн асуудлыг нь шийдэх хэрэгтэй болно. Түүнийг төсвийн хөрөнгө оруулалтаар л шийднэ шүү дээ. Тэгэхээр энэ бүхнийг засахад миний яриад байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг том агуулга чиглэгдэж байгаа биз. УИХ-ын гишүүд төсөв хэлэлцэх үед төсвийн зардлыг дураараа нэмдэг эрх мэдлийг Үндсэн хуулиар хязгаарлаж өгч байгаа юм. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төслийг танигдахгүй болтол нь өөрчилж, тамтаггүй их зардал бий болгодог гажуудлыг засах л гэж зориод байгаа хэрэг. Сонгуулийн холимог тогтолцооны тухайд ч хөгжлийн бодлого дан ганц тойрог тойрсон жижиг асуудал болон хувирдаг алдаанаас ангижирч, улс орны холыг харсан томоохон бодлогын төлөө явдаг, дуугардаг УИХ-тай, Засгийн газартай байхад чиглэгдэж байгааг ойлгох ёстой. Сонгуулийн ямар ч тогтолцоонд ололттой хийгээд дутагдалтай зүйл бий. Харин яавал ололт нь дутагдлаасаа илүү жин дарах вэ гэдгийг олж харах нь зөв байгаа юм.

-Цэцийн даргын үйлдэлд та юу хэлэх вэ. Таныхаар төрийн албан хаагч ямар ёс зүй, зарчимтай байх ёстой бол?

-Цэцийн даргын гаргасан гэх үйлдэлд би та нартай л адилхан хэвлэлийн мэдээлэлтэй байгаа. Үнэн худал нь эцэслэгдээгүй шалгагдаж байгаа асуудлаар ямар нэг байр суурь илэрхийлэх нь зохисгүй. Ер нь өнгөрсөн хугацаанд гишүүдийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх асуудалд багагүй анхаарал хандуулж ажилласан. Үүний нэг жишээ бол УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан явдал мөн. Үр дүнд нь гишүүд биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууныхаа хээгээр ирцээ бүртгүүлж, саналаа өгдөг болсон. Бусдын өмнөөс кноп дардаг асуудал эцэс болсон. Ирц бүрдээгүй байхад хэдхэн гишүүн сууж байгаад хууль баталдаг гажуудал арилсан.

Энэ хэрээр УИХ-ын чуулганы болон байнгын хорооны хуралдааны ирц илт сайжирч, гишүүдийн хариуцлага дээшилсэн гэж үзэж байгаа. Одоо үүнийгээ Үндсэн хуулиар улам баталгаажуулж асуудлыг олонхоор шийдэх ардчиллын зарчмыг хангах заалт дэмжигдээд явж байна. Тухайлбал “…Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж төсөлд тусгасан. “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар хуулийг эцэслэн батална” гэж хуульчлахаар зорьж байна. Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухайд 29.3-т “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэсэн хариуцлагын тов тодорхой заалт оруулаад байгаа.

Ёс зүй дээрээсээ эхэлж төлөвшиж байж нийгэм эрүүлжинэ. Мод ургамал үндэс нь эрүүл байж цэцэглэдэг шиг эрх зүйт төр Үндсэн хуулиасаа эхэлж төлөвшинө.


Categories
мэдээ цаг-үе

Харангын “зүрх” гавьяат Н.Пүрэвдаш

Будаг нь ханхалсан, шинэхэн гавьяат “Танайд өнжье” буланд саатлаа. “Харанга” хамтлагийн бөмбөрчин, тус хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Пүрэвдашийг бөмбөрийнхөө хэм хэмнэл мэт нэгэн болов уу гэтэл тайван дөлгөөн, урсгал устай зүйрлэж болом нэгэн ажээ. Товлосон цагтаа бид “49 дүгээр гудамж”-д байх “Харанга” хамтлагийн бэлтгэлийн өрөөнд уулзлаа. Тэрээр эхнэрийн хамт биднийг зорин иржээ.

Улаан цагаанаар хослуулсан хана, төгөлдөр хуур, бөмбөр гэх мэт хөгжмийн зэмсгүүд биднийг угтав. Цонхны дэргэдэх улаан бүтээлэгтэй ширээн дээр цай, кофе зэрэг байх аж. Буйдан, зурагт, чамин гэрлүүд ч байна. Энэ улаахан өрөөнд л тэд асч, жинхэнэ хитүүд мэндэлдэг байх нь гэсэн бодол зурсхийв. Ийнхүү бид түүний бага нас, ижий, аав, нутаг усны талаар яриагаа эхлүүллээ. Тэрээр Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул. Ээжийнхээ гэдсэнд бүрэлдэж байхдаа нутгаасаа гарсан ч хутагтын өлгий нутагтаа үргэлж сүсэлж, бахархаж явдаг гэсэн. Энэ зун тэрээр ээжийнхээ хамтаар нутгаа зорьжээ. Түүний ээж Должин 61 жилийн дараа, Н.Пүрэвдаш гавьяат анх удаа нутагтаа очсон нь энэ. “Ээжийнхээ мэндэлсэн Тэлмэн нуур, Улаан хаданд байх аавынхаа өвөлжөөнд очсон. Их сайхан санагдлаа. Ээжийн минь хүүхэд насны дурсамж, дурдатгал санаанд нь бууж байгаа бололтой сэтгэл өндөр байгаа нь харагдсан шүү” гэв.

Түүний аав Нэмэх 1945 онд Замын-Үүдийн есдүгээр отрядад тусгай чиг үүргийн алба хаажээ. Таван настайдаа аавыгаа алдсан тэрээр аавынхаа цэргийн алба хаасан тухай нь л хамгийн сайн мэддэг байж. “Өнгөрсөн жил ОХУ чөлөөлөх дайны 73 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэсэн. Тэр үед Оросын нэг вэб сайт дээр аавын минь Маршал Х.Чойбалсангийн өмнө гандсан цэрэг хувцастайгаа номхон зогсож буй зураг гарч ирснийг би олж үзсэн. Миний хувьд аавынхаа тухай илүү ихийг мэдэхийн төлөө эрэл хайгуул хийсээр ирсэн л дээ.Аз болж надад Онц хилчин тэмдэгийнх нь үнэмлэх байсан юм. Түүгээр нь ТЕГ-ын архивт очоод шүүлгэтэл аавын минь тухай гарч ирсэн шүү. Мөн дараа нь Улсын төв архивын ажилтны зөвлөснөөр Намын кадруудын архиваас аавынхаа тухай хайсан. Аав минь цэрэгт байх үедээ намын гишүүн болсон юм билээ л дээ. Тэрхүү архиваас аавынхаа тухай зузаан материал олж үзсэн. Ёстой бөөн баяр болсон доо. Нэг ёсондоо 60 гарсан хойноо аавынхаа түүх намтар, хийсэн бүтээснийг нь олж үзсэн хэрэг. Нэгэнт л аав минь чөлөөлөх дайнд орж, гавьяа байгуулсан нь үнэн учир ээжийнхээ амьд сэрүүнд “Ахмад дайчин” гэх үнэмлэхийг нь нөхөөд авчих юмсан гэж боддог юм. Тэр болно байх аа. Би ийм л хүний үр хүүхэд” гээд “Харин ээж минь худалдааны байгууллагад олон жил ажиллаж гавьяаныхаа амралтад гарсан. Өдгөө 80 хол давсан буурай бий. Ааваас минь хойш гурван хүүгээ хүний дайтай өсгөж, эрдэм номтой хүн болгох гэж их хичээсэн дээ. Ээжийн минь аав их сайхан дуулдаг хүн байсан гэдэг. Магадгүй түүнээс улбаалж би урлагт элэгтэй болсон байх” гэлээ.

Эднийх 1959 онд хот руу нүүж анх Маахуур толгойд төвхнөж байжээ. Тэрээр “Хэрэв манайх хот руу нүүгээгүй бол би өдийд том хөөрөг өвөртөлсөн малчин эр сууж байх байсан биз” гээд инээд алдах нь тэр.

Бөмбөрчин болох замнал нь хэрхэн эхэлсэн тухай түүнээс асуухад “ХИД-1”-ийн суурин дээр хуучин зах байсан юм. Тэндээс ээж минь надад зөгнөсөн мэт, ерөөлөөр ч гэж хэлж болохоор луун толгойтой гурван суурьтай жижиг бөмбөр авчирч өгсөн. Тоглоом наадгай ховор тэр үед би тэр бөмбөрөөрөө их тоглодог байсан даа. Би арван жилийн тавдугаар дунд сургуульд сурч байгаад, 12 настайдаа Цэргийн хөгжмийн сургуульд суралцаж эхэлсэн. Эхлээд үлээвэр хөгжим үлээсэн ч нэг их гавиагүй юм байлгүй салаан дарга минь бөмбөрийн ангид оруулсан юм” гэв. Шантарч байсан уу гэвэл “Үүнийг хийж сурахгүй, чадахгүй бол өнөөдөр хоолгүй шүү” гэж хэлэх нь энүүхэнд. Тийм зарчмаар л сурсан. Гэхдээ тэр хатуу, чанга гараар сурсны хүчинд би энэ зэрэгтэй яваа юм. Асар их тэвчээр, хатуужил суусан гэж боддог” гэж байлаа.

Тэрээр Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд ажиллаж байх үедээ тун ч эрэлттэй бөмбөрчний нэг байжээ. Цэргийн ансамбель, улсын циркээс эхлээд урилга, заллага тасарна гэж үгүй. Гадна, дотны циркийн тоглолтуудад удирдаачтай харьцаж, агаарын болоод төрөл бүрийн үзүүлбэрүүдийн аяыг секунд, доль алдахгүй тоглоно гэдэг бөмбөрчний чадварыг ёстой л нэг шалгана. Гавьяат Н.Пүрэвдаш өдөртөө Үлээвэр найрал хөгжимдөө, орой нь цирктэй тоглодог байж. Тиймдээ ч орлого сайтай хөгжимчний нэгд тооцогдоно. Хамтлаг байгуулах тухай бодол ч түүнээс хол байсан гэдэг. “Би 1976 онд Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд орсон юм. Харин 1977 онд Чука, 1978 онд Манлай, 1981 онд Оогий орж ирсэн. Гэхдээ бид тус тусдаа группт байсан л даа. Бие биенээ нэг байгууллагын хөгжимчид л гэж мэднэ” хэмээв. Рок хамтлаг байгуулах тухай МУГЖ Ц.Энхманлай, Я.Одсүрэн, Төрийн шагналт хөгжмийн зохиолч, урлаг судлаач, доктор С.Соронзонболд нар их ярьдаг байж. “Манай С.Соронзонболд ерөнхийдөө яриаг нь сонссдог. Номын хүн учир номоо уншаад л сууж байдаг байж. Өнөөх хоёр “Хамтлагтаа оруулах сайн бөмбөрчин яаж олох вэ гэж их ярьдаг байсан юм билээ.Нэг удаа С.Соронзонболд “Хоёр лүмпэн шаар аа. Та хоёр хажуудах бөмбөрчнөө олж харахгүй байж, Халхын хаанаас бөмбөрчин олох гээв” гэсэн гэдэг. Мань хоёр байгууллагынхаа бөмбөрчнийг анзаараагүй хэрэг. Яг бодит түүх нь энэ. Ингээд бид дөрөв 1984 онд Монголын радиод “Өргөн хангайн нутаг”, “Ганган борлог” зэрэг дуунуудыг бичүүлсэн. Энэ үеэс бие биенээ улам сайн мэддэг болцгоосон доо. Ер нь бол 1983 онд Манлай халагдсанаас хойш Оогий намайг “Хамтлаг байгуулъя, ажлаасаа гарчих” гэж ятгах болсон юм. Тэр үед би армид ороод 18 жил болчихсон, дахиад хоёр жил болоход л тэтгэвэртээ гарах байлаа. Хамтлаг байгуулах саналыг гэр бүлийнхэн ч дэмжсэнгүй, тэр дундаа эхнэр минь дурамжхан байсан учир шийдвэрт хүрч чадахгүй л байв. Гэхдээ ажлаасаа гарч, хамтлаг байгуулъя гэж эргэлт буцалтгүй шийдэхэд минь нэг л хүн нөлөөлсөн. Тэр бол эхнэрийн минь ах, армийн таван хурандаагийн нэг, “Рапорт” Баадай гэж хүн. Тэрээр “Би цэргийн бүх албан тушаалыг дамжлаа, тэтгэвэртээ гараад найман сар болж байна. Намайг өнөөдөр хэн ч тоохоо больсон. Хүмүүс надад баяр хүргэж архи л авч өгж байна. Бодит амьдрал ийм л байна. Чи хожимдоогүй дээрээ найзуудтайгаа нийлж, хүссэн зүйлээ хий. Үнэхээр мундаг хамтлаг байгуулж чадах юм бол үр хүүхэд чинь чамаар бахархана. Одоо халагд” гэсэн. Ингээд л би шийдсэн. Тэр хүн надад ингэж хэлээгүй бол би Манлай, Оогий хоёрын үгэнд орох ч үгүй байсан юм билүү. Хөөрхий Баадай ах минь гүйж байгаад л шинжилгээний минь хариуг муу гаргаж, армиас халагдуулсан юмдаг. Хамгийн сонин нь 1989 оны дөрөвдүгээр сарын 20-нд Цэргийн төв эмч нарын магадлангаар тахир дутуугийн гуравдугаар группт оруулж, халсугай гэсэн тушаал гарч байсан бол яг тэр цаг мөчид Драмын театрт жүжигчнээр авсугай гэсэн тушаал минь гарч байлаа” гэв. Ийнхүү тэрээр хангамжтай, халтууртай, цалин орлого чамгүй их авчихдаг ажлаасаа, нэг ёсондоо үүрнээсээ 18 жилийн дараа нисч, өөрийн зам мөрөөр ажиллаж, амьдрахаар сэтгэл шулуудаж.

“Харанга” хамтлагийн анхны бүрэлдэхүүнд Я.Одсүрэн, Ц.Энхманлай, Н.Пүрэвдаш нараас гадна Т.Найданжав, Булган нар байжээ. Ийнхүү Улсын драмын театрын дэргэдэх “Харанга” хамтлаг үүсэн байгуулагдав. Тэд эхлээд баруун таван аймгийг зорьжээ. Орлогын төлөвлөгөө байгуулахаар театрын шинэ автобусыг хөлөглөж, бүр болоогүй шинэ техник хэрэгсэл авахуулснаар тэдний аялал эхэлсэн байна. Хэдий “Харанга” дэгдээхийг хүссэн ч бүх зүйл тэдний хүслээр болоогүй нь лавтай. “Өөрсдийн гэсэн дуугүй учир тухайн үеийнхээ дуунуудыг дуулъя гээд л зоригтойхон аяллаа эхлүүлсэн. Ёстой хоёр, гурван шуудай боорцог хийж аваад гэдэг шиг хоол, хүнсээ базаагаад л явцгаасан. Хэд хэдэн аймгуудаар тоглолоо. Дуу хуур, архи дарс, мах гээд л. Сүүлдээ ч онцгүй болоод ирлээ. Юу хийчихэв, яах гэж армиасаа гарав гэсэн бодол төрөөстэй. Ер нь аливаа зүйл шууд амжилтад хүрчихдэг гэдэг нь өрөөсгөл. Эхлээд унаж, босож, алдаж онодог. Түүний л дагуу болж байж дээ гэж одоо бодогддог юм. Тэр үед ганцхан би ч биш бүгд л эрэгцүүлж бодоцгоосон байгаа юм. Эцэст нь Манлай, Оогий бид гурав тунаж үлдсэн. Хот руу буцаж явахдаа буюу Архангайд явахдаа бид гурав Чукагаа хамтлагтаа элсүүлэхээр ярилцлаа. Оогий маань “Чука орж ирэхээр болбол басс гитар тоглоно гэнэ. Би бассаа мөрөөдсний эцэст тоглох гэж байж Чукад өгмөөргүй байна” гээд болдоггүй. Ямартаа ч Чукатайгаа ярья гэж бодоод Архангайн холбоо руу гүйлээ. Гэрийнх нь утас руу залгатал авч байна аа. Чука “Хөгшин нь байраа засаж байна. “Өргөө” хамтлагийн Бархас, Болоож хоёр ирчихсэн манай шал таазыг будаад л байж байна. Энэ хоёр намайг хамтлагтаа орчих гээд гуйгаад болдоггүй. Барилгын хүмүүс авчирч манай байрыг янзлуулаад байх юм” гэдэг байгаа. Тэгэхээр нь л “Чи найзуудтайгаа нийлчих л дээ. Бид хэд наймдугаар сарын 20-д гэхэд хот орчихно. Ажлаасаа гараад хүлээж бай” гээд л учирлалаа. Гэтэл Чука “Та нар хаяж явчихаад” гээд гоморхож байна. Тэгснээ “Цаад Оогийтойгоо ярьсан юм уу. Би орвол басс гитараа тоглоно шүү” гэж билээ. Холбоо руу хэд хэд гүйсний эцэст нь Оогийгоо зөвшөөрүүлж, Чука хамтлагт орж, бассаа тоглосон. Төд удалгүй Чука Лхагвааг олж ирсэн юм. Ингээд есдүгээр сараас эхлэн аравдугаар сарын 26 хүртэл бэлтгэл хийж, анхны “Амьдрал” тоглолтоо хийж байсан түүхтэй” гэлээ. Ардчиллын салхи сэвэлзсэн тэр үед “Харанга” хамтлаг “Томоотой хүн”, “Лусын хааны зарлиг”, “Замын тухай дуу” гэх дуунуудаараа өөрсдийн үзэл санаагаа илэрхийлж байжээ. “Тухайн үед намын төв хорооноос театрын Н.Сувдаа даргыг дуудаж “Наад хэдэн нөхдүүд чинь юу дуулаад байна вэ” гэж загнаж байсан гэдэг” хэмээн тэрээр хуучилсан юм.

30 жилийн түүхтэй, рок попын домог болсон“Харанга” хамтлагийн “луужин” нь МУУГЗ Ц.Чулуунбат аж. Энэ талаар гавьяат Н.Пүрэвдаш “Хамтлагт нэг дайчин хүн байх ёстой юм. Манайд тэр нь Чука. Жадны үзүүр нь л гэсэн үг. Аливааг хойш нь тавьдаггүй. Бүхнийг цаг хугацааны дагуу хийдэг. Хэрэв бүгд назгай байсан бол тэр бүр гараас ажил гарахгүй шүү дээ. Биднийг араас хөөж, тууж, шавхуурддаг хүн нь гэж ойлгож болно. Яг бодит байдал нь энэ юм. Энэ зүйлсийг та бүхэн сонсож байгаагүй байх шүү” гэлээ. Харин хамтлаг хамтаараа, эвтэй, найрамдалтай өнөөдрийг хүрсэн нууц нь юу болох талаар тэрээр “Ааш араншингийн хувьд их зохицдог хүмүүс. Тавуулаа адгуу, ааш муутай байсан бол хэцүү шүү дээ. Нэг нь дуугарч, бусад нь түүнийг хүлээн зөвшөөрдөг. Гол учир нь үүндээ байгаа юм. Бие биенээ тун их хүндэлж байгаа хэрэг. Анхны тоглолтоо хийн тайзан дээр тэврэлдээд зогсож байхдаа л бид “Бүгдээрээ салахгүй, улам их уран бүтээл хийнэ шүү” гэцгээсэн. Тэр амлалтдаа ч хүрсэн. Бид таван биенээ олох гэж их ч цаг хугацаа, даваа нугачааг туулсан юм шүү дээ” гэв. Анхны тоглолтдоо цаг наргүй бэлдэж байх үедээ л холын аянд хамтдаа мордоход итгэл даах нөхдөө олжээ гэдгээ мэдсэн хэмээн тэрээр итгэл төгс хэлж байлаа. Өнөө цагийн хамтлагуудын урт удаан оршин тогтнож чадахгүй байгаа шалтгааны нэг нь орлогоо эн тэнцүү хуваарилж чаддаггүйтэй холбоотой гэдэг. Тэрээр ч үүнтэй санал нэг байдгаа хэлсэн юм. МУГЖ Н.Пүрэвдаш “Өнөөдөр хамтлагуудын ахлагч нь “Би дуугаа зохиосон учир илүү хувийг нь авна” гэсэн зарчмаар яваад байгаа. Тиймдээ ч орчин үеийн хамтлагууд оршин тогтнохгүй байгаа юм. Манай алдарт том хамтлагууд яг л түүнээс болж сарниж байсан шүү. Манайх бол таван тэнцүү л хуваадаг. Хэрэв дээрийнх шиг байдлаар хуваавал ямар ч дуу зохиодгүйгээрээ хамгийн багыг нь бөмбөрчин нь авах нь байна. Дуу зохиодоггүй л бол хөгжимчний ур чадвар хамаагүй гэсэн үг байх нь” гэж байв.

МУГЖ Н.Пүрэвдаш гэргийтэйгээ 40 гаруй жил ханилж байгаа аж. Урлагийн хүний гэр бүл байх баяр жаргалтай хийгээд басхүү зовлонтой энэ үүргийг П.Отгонтуяа гуай тун чиг сайн биелүүлж ирсэн нь “Харанга”-ын Пүүжээгийн амжилтаас илхэн харагдах биз ээ. Тэрээр хойд хөршид гутал загварын мэргэжлээр суралцаж төгссөн. Худалдааны салбарт олон ажиллаж, өдгөө тэтгэвэртээ гарчээ. П. Отгонтуяа гуай Улсын хүндэт засуул, ган хоолой хэмээх Пүрэвсүрэнгийн бага охин аж. Гэрийн эзэн “Анх цагаан сараар хадмындаа очиж танилцаж байлаа. Бөхчүүд хөндөлсөөд л. Х.Баянмөнх, О.Балжинням аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан тэргүүтэй том цолтонгууд ирчихсэн. Гэтэл хүргэн нь гэж туранхай, жижигхэн, цэргийн хөгжимчин хүү л тэнд суугаад байдаг. Одоо эргээд бодох нь ээ хөөрхий хадам аав минь тэр үед “Гэрээр эргэлддэг ханхайсан эрчүүдээс охиныг минь аваад суучихсан бол ач нараас минь ганц бөх төрөхгүй юу” гэж бодож л байсан байхдаа” гээд инээд алдлаа. Тэд 18, 19-тэйдөө найзуудаараа холбогдон танилцаж, 20 насандаа анхны хүүхдээ өлгийдөн авч байжээ. Өдгөө хамгийн том хүү нь 40 насыг шүргэж байгаа аж. Эднийх хоёр хүү, нэг охин, таван зээтэй. “Харанга” хамтлагтаа хамгийн өнөр бүл нь гэсэн. Хүүхдүүдээс нь урлагийн хүн төрөөгүй ч өөр, өөрсдийн зам мөрөөр сайн сайхан амьдарч байгаа хэмээн гэрийн эзэгтэй хэлж байлаа. Мөн тэрээр “Харанга”-ынхан үнэхээр ар гэрээ умартан зүтгэдэг байсан. Эхэндээ гомдож, туних үе бишгүй л байв. Урлагт хайртай, түүнийхээ төлөө зорьж тэмүүлж байгааг нь хараад сүүлдээ бид ч эвлэрсэн. Таван жилийнхээ ойг хийсний дараа шүтэн бишрэгчид нь улам нэмэгдэж, нэрд гарч эхэлсэн. Ингээд бодоход 30 жил болчихсон хамтлаг гэдэг нэг гэр бүл шиг л болчихдог юм байна. Хамтлагийн гишүүдийн гэр бүлийнхэн нь ч энэ хугацаанд ойр дотно байсаар ирж дээ” гэв.

МУГЖ Н.Пүрэвдаш “Бид хийж байгаа уран бүтээлдээ л бүх анхаарлаа хандуулдаг байсан. Урлагт эргэлт буцалтгүй орчихсон учир ар гэртээ зориулах цаг завыг ч мартаад зүтгэсэн гэж болно. “Харанга”-д орсноосоо хойш хүүхдээ хичээл сургуулиас нь авсан удаа байхгүй. Ард түмнээ баясгаж, стресс бухимдал, гуниг гутралыг нь тайлахын төлөө л төдийгөөс өдий хүртэл нэг сэтгэлээр явж ирсэн байна. Омголон, үнэхээр шатаж явсан үедээ хийсэн болоод ч тэр үү бидний уран бүтээл он цагийн уртыг үл ажран дуулагдсаар байна гэж боддог доо” гэсэн юм.

Гэргий нь “Хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж, зорьсон зорилгодоо хүрсэнийг нь бодохоор ханиараа туйлын их бахархдаг юм. Пүүжээ шиг 12 настайгаасаа эхлээд 60 гартлаа бөмбөрөө нүдээд явж буй хүнийг би хувьдаа мэдэхгүй юм” гэж байлаа.

12-хон настай жаалхүү бөмбөртэйгөө нөхөрлөснөөр Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн үнэхээр л үлгэр жишээ бөмбөрчин байж, улмаар Монголын рок попын акул “Харанга”-ын “зүрх” нь болж цохилон 48 дахь жилдээ бөмбөрийг эзэгнэж байна. Хагас зуун гэхэд ч болохоор. Энэ бүхнээс “Харанга”-ыг бөмбөргүйгээр төсөөлөхийн аргагүйтэй адил түүний ч бөмбөргүйгээр төсөөлөхийн аргагүй мэт. Хань нь хоолой зангируулан бахархсан сэтгэлээ илэрхийлэхээс ч өөр яах билээ. Гэргий П.Отгонтуяа нь “Харанга” л биш бол бусад тоглолтуудыг нэг их ойшоодоггүй гэдгээ ч нуухгүй хэлсэн шүү. Харин МУГЖ Н.Пүрэвдаш “Хэрэв ханийн халамж, хайр үгүйсэн 60 насыг давтлаа бөмбөр нүдэж чадаа ч уу, үгүй ч үү. Ар талыг минь бат даагаагүйсэн бол тууштай урлагтаа зүтгэж чадах эсэх нь ч эргэлзээтэй. Энэ бүхэнд баярлаж явдаг даа” хэмээн чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлж байлаа.

Бөмбөрийг зөв сураагүйгээс үүдэн бөөр, нуруу өвдөх хүндрэл үүсдэг байна. Нэг талаасаа эрсдэл, золиос нь тэр аж. Түүний хувьд Орос багш, цэргийн диктатурын ачаар зөв сурсан учир ийн олон жил ажралгүй тоглож байгаа гэдгийг ч гэргий нь онцолж байсан юм. Монголд бөмбөрийн нот бичдэг цөөн хүний нэг нь Н.Пүрэвдаш гавьяат гэсэн. Урлаг, соёлын томчуул ч бөмбөрийн нот бичүүлэхээр түүнийг зорьж ирдэг байна. Мөн тэрээр армиасаа эхлээд олон шавьтай болжээ. “Никитон” хамтлагийн бөмбөрчин Билгүүн, “Хурд”-ын Д.Ганбаяр гээд авьяаслаг олон шавь бий” хэмээн тэрээр бахархан хуучилсан юм.

МУГЖ Н.Пүрэвдаш өдгөө Монголын Бөмбөрийн холбооны тэргүүн, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн зөвлөх хөгжимчнөөр ажилладаг. Тэрээр энэ хугацаанд хөгжимчний хувьд тоглохыг хүссэн бүх л театр, Соёлын ордондоо тоглосон гэдгээ хэлж байв.

Түүнээс Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм шагналыг хүртэх болсноо мэдсэн анхны сэтгэгдэл болоод хүлээлт байсан эсэх талаар нь асуухад “Тэгж их хүлээж, төрдөө гомдоллож байсан зүйл үгүй. Урлагийн ганц том шалгуур нь ард түмнээрээ хүлээн зөвшөөрүүлэх л явдал байдаг. Тэр бол асар том шагнал юм” гээд “Шагнал авах болсноо өмнөх орой нь мэдсэн. Мэдээж Ерөнхийлөгчийн Тамгын газраас залгаад шагнал авах болсон тухай дуулгахад их баярласан, огшсон гэв.

Шагнал гардуулах үедээ Ерөнхийлөгч Х.Баттулга “1990-ээд оны үед өр, зээл тавиад л яваад байсан. Тэр хүчин зүтгэлийн тань үр дүн өнөөдөр гарч байна уу. Үнэнч байсны үр дүн гарч байгаа биз. Одоо дахиад олон жил бөмбөрөө тоглоорой Пүүжээ ах аа” гэсэн би “За Ерөнхийлөгч өө” гээд л шагналаа гардаж авсан даа. Ерөнхийлөгчийг “Женко”-ийн компанийн захирал байхад “Харанга”-ын хамгийн анхны плакатыг хийхээр би мөнгө зээлэх гэж орж уулзаж байлаа. Цаасан хайрцгаар дүүрэн гурав, тав, арван төгрөг бүхий гурван сая төгрөг тэврээд гарч байсан шүү. Нөгөөдүүлээрээ плакат хийсэн ч зарагдаагүй. Ёстой цөм шатсан даа. Эргээд яаж ч билээ тэр өрөө дарж байсан юм. Ерөнхийлөгч тэр түүхийг сөхсөн хэрэг (инээв). Би 2015 онд тайлан тоглолтоо хийсэн юм. Тэр үед одоогийн миний тоглож буй бөмбөрийг Х.Баттулга Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн байхдаа “Талх чихэр”, “Мах импекс”-д үүрэг өгч, захиалуулж хийлгэж байлаа” хэмээн дурслаа.

“Харанга” хамтлаг 30 жилийн ойн тоглолтоороо 40 жилийн ойгоо нижгэр тэмдэглэх үүргийг ард түмнээсээ авсан. Шүтэн бишрэгчдэд нь дуулгахад энэ үүргийг биелүүлэхэд бэлэн гэдгээ ч тэрээр хэлсэн шүү. Н.Пүрэвдаш гавьяат “Зорьсондоо хүрнэ шүү дээ. Өмнөхөөс илүү хариуцлага ирж байна. Эрүүл байх хэрэгтэй болж байна. Би Монгол Улсын гавьяат жүжигчин гэх алдрыг өнгөрсөнд хийсний минь төлөө бус ирээдүйд илүү ихийг хийгээсэй гэж өгч байна гэж ойлгож байгаа. 40 жилийнхээ ой дээр бөмбөрөө тоглож байх ёстой шүү л гэж өгч байгаа байх. Ийм урам боллоо гэж харж байна. Миний үеийнхэн ямар аархуу юм гэж бодож байж мэдэх юм. Тийм биш шүү” гээд “Бид бүгд хурцлагдчихсан. Тэртэй тэргүй 40 жилээ хийнэ. Ирэх жил бид гарах шинэ CD-ндээ зориулж “Цаг хугацаа” гэх тоглолтоо ч хийх болно” хэмээн урам зориг дүүрэн хариулсан юм.


Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Сонгууль руу чиглэсэн, жалга довны улс төрийн ашиг сонирхлыг хангасан төсөв болсон

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.


-АМНАТ-тэй холбоотойгоор гаргасан Цэцийн шийдвэрээс үүдэн төсөв 1.3 их наяд төгрөгийн алдагдал хүлээнэ гэж байна. Үнэхээр ийм хэмжээний алдагдал хүлээх үү?

-Төсвийн орлого дутагдах асуудал үүсэх юм бол Сангийн яам хариуцлага хүлээх ёстой. Энэ бол цэвэр Сангийн яамны хариуцлагын асуудал. Гуравдугаар сард Үндсэн хуулийн Цэцээс АМНАТ-ийн хууль чинь болохгүй байна шүү гэх сануулга өгсөн. Төсвийн төслөө боловсруулж байхдаа тэр сануулгыг нь анхаарах ёстой байсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын яриад байгаа шиг 1.3 их наяд төгрөгөөр төсөв цоороод байгаа юм байхгүй. Энэ онд 657 тэрбумын АМНАТ-ийн орлого ороод ирчихсэн. Өмнөх онуудад суусан орлогыг харж байхад 1.2 их наяд гэх мэт янз бүрийн л хэмжээтэй байсан юм билээ.

Ер нь цаашдаа санхүү, мөнгөний бодлого тодорхойлохдоо улс орны хөгжлийн бодлогыг давхар харах нь зүйтэй юм. Тэгэхгүйгээр тухайн яам зөвхөн өөрсдийнхөө төлөвлөгөө, явцуу эрх ашгаа бодож бусад салбарын эрх ашгийг хөсөр хаяад байж болохгүй. Иргэд, аж ахуйн нэгжүүд, байгууллагынхаа бодит үйл ажиллагаа, ашиг, орлогод нь сөргөөр нөлөөлөхүйц хэмжээний бодлого явуулаад байх нь зохимжгүй л дээ.

-Таны хувьд Цэцийн шийдвэрийг зөв гэж үзэж байна гэсэн үг үү?

-АМНАТ дээр гарсан Цэцийн шийдвэрийн зөв л гэж харж байгаа. Тухайн аж ахуйн нэгж олборлолт хийж байгаа аман дээрээ татвараа төлөөд л болоо юм биш үү. Шат дамжлага бүрт татвар авахаар заасан нь Сангийн яам бэлэнчилж, татварын орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх гэсэн л үйлдэл. Баялаг бүтээн, ажлын байр бий болгож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийг дарамталсан бодлого явуулж байгаа нь үнэн шүү дээ. Энэ нь монополь болон гадны компаниудын эрх ашгийг хамгаалсан ийм л үйлдэл болж хувирч байгаа юм.

Шат дамжлага бүрт татвар аваад байхаар хэн түүнийг үнэ цэнэ хүрэх бүтээгдэхүүн болгож боловсруулахын төлөө явах юм бэ. Бушуухан ухаад л зарахаа бодно биз дээ. Дотоодын аж ахуйн нэгжүүдийн боломжийг хааж, эрх зүйн орчныг муутгасан хуулийг бид дэмжээд байж болохгүй.

-2020 оны төсвийг сонгуулийн төсөв боллоо гэж шүүмжилж байна. Тиймдээ ч нүүрс гаргах дээд хэмжээ 30 сая тонн байхад энэ жилийн төсвийн төсөлд 40 сая тонн гэж тусгасан гэх юм.

-Дэндүү дампуу , хэт улстөржсөн, сонгууль руу чиглэсэн, улс орны хөгжлийн бодлогыг ор тас орхисон, жалга довны улс төрийн ашиг сонирхлыг хангасан төсөв болсон. Энэ төсөв яагаад хоёр их наяд төгрөгиин алдагдалтай орж ирж байгаа юм бэ. Хөрөнгө оруулалт нь л 3.6 их наяд. Яасан баян юм бэ. Гэтэл бид зөвхөн энэ онд л гэхэд 1.5 орчим тэрбум ам.долларын төлбөртэй. 2021-2024 онд таван төлбөр хүлээж байна. 14-15 тэрбум ам.долларын маш том төлбөрүүд бий. Тийм байж яагаад хуримтлал бий болгохгүй байгаа юм бэ. Эдийн засаг, нийгмийн хөгжил, улс орны аюулгүй байдлаа зөвхөн өнөөдрөөр харж болохгүй шүү дээ. Тогтворжуулалтын сангийн хэдэн төгрөгөө хүртэл төсвөөр бараад дуусах нь. Идээд дуусахаар байна. Ийм байдалтайгаар цааш явах юм уу. Аль нэг нам, улс төрийн хүчинд зориулж хуримтлалаа үлдээх гэж байгаа мэт сэтгэхгүйгээр асуудалд хандаж болохгүй. Улс орны аюулгүй байдал гэдэг нийт монголчуудын л аюулгүй байдал шүү дээ. Гэтэл үүнийг улс төрийн намын өнцгөөр харж, тухайн сонгуульд л ялж байвал хамаагүй гэж үзэж байна. Улс төрийнх нь л ашиг сонирхол хангагдаж байвал улс орных нь хамаагүй гэж байгаа нь туйлын харамсалтай.

-Хэнтий, Увс аймаг руу хамгийн их төсөв төсөвлөгдсөн гэдгийг та юу гэж харж байгаа вэ?

-УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Сангийн сайдын гарч ирсэн аймаг, сум, дүүрэг хөгждөг марафон эхэлж байна л даа. Жижиг мажоритор тогтолцооны чинь үр дүн л энэ байхгүй юу. Төсвийг 76 тийш нь хувааж байна. Манай тойрогт л илүү мөнгө ороод ирвэл, би л нэр хүндтэй байж, сонгогдож чадаж байвал гэсэн үзлээр хандаад байгаа юм. Тэгвэл энэ дунд хэн улс төрийн нийтлэг эрх ашгийн төлөө явах юм бэ. Шинжлэх ухаан, дэвшилтэт техник технологи, зам харилцаа, улс орны хэмжээний бодлого руу хэн харах ёстой юм бэ. Үүний төсөв мөнгийг хуваарилахын төлөө хэн явах вэ. Өнөөдөр 76 гишүүн нь тогоотой хоол руу том халбага, сэрээ барьсаар дайрч байгаатай л адил байна. Ийм байдлаар цааш явахгүй. Энэ улс орны хөгжлийн бодлого биш. Тиймдээ ч Ардчилсан нам холимог тогтолцоог санал болгож байгаа юм. Тодруулбал, 50 гишүүн нь орон нутгийнхаа төлөөллөө хангаад, 26 нь улс орны нийтлэг эрх ашгаа бодно гэсэн үг. Ийм байж гэмээнэ улс орон арай өөр хэв маягаар хөгжинө. Түүнээс 76 жижиг тойргоор улс орны бодлого тодорхойлно гэвэл худлаа болчихоод байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулахаар гаргаад буй Ардчилсан намын саналууд дэмжигдэх болов уу?

-Бид улс орны эрх ашгийг харсан бодлогын түвшний асуудлуудыг тавьсан. Бид өөрийн намынхаа эрх ашгийг хангасан нэг ч асуудал тавиагүй.

-Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдаж чадах болов уу?

-Зөвшилцлийн ажлын хэсэг ямар үр дүнд хүрэхийг хэлж мэдэхгүй юм. Харж л байя.

-Орж ирсэн БНХАУ-ын 800 иргэн үүрэн холбооны операторуудын сим картыг ашиглаад санхүүгийн луйврын шинжтэй үйл ажиллагаа хийснийг холбогдох байгууллагууд мэдээлсэн. Ийм нөхцөл байдал үүсч байгаа нь ямар үр дагавартай юм бэ?

-Улс орны үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгааг хангаж байдаг гол төрийн бүтэц нь Засгийн эрх барьж байгаа парламент, гүйцэтгэх засаглалын эрхийг барьж байгаа Засгийн газар. Энэ нөхдүүдийн л үйлдэл үйл ажиллагаанаас шууд шалтгаална шүү дээ. Монголын төр өнөөдөр ямар сул, арчаагүй байгааг харуулсан тод томруун жишээ бол саяын 800 хятадын асуудал. Өөр юу гэж харах юм.

-Цэцийн даргын гаргасан гэх үйлдлийн тухайд та юу хэлэх вэ?

-Одоогоор байр суурь илэрхийлэхэд арай эрт байна л гэж харж байна. Нэгдүгээрт, энэ асуудал тодорхой болоогүй. Ямар нэгэн нотолгоогүйгээр хүнийг харлуулаад, эсвэл өмөөрөөд байх нь зохимжгүй. Тиймээс асуудал тодорхой болсны дараа байр сууриа илэрхийлэх нь зөв. Үнэхээр баримттай асуудал гарч ирж байгаа бол ямар хуулийн хариуцлага байдаг юм түүнийг хүлээх л байх. Хэрэв нотолгоогүй шуугиан дэгдээсэн бол хэцүү л юм. Манайд янз бүрийн л юм болдог шүү дээ. Болсон хойно нь л дүгнэе.

-Саарал жагсаалттай холбоотойгоор Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг ажлаас нь чөлөөлж байна. Зөвхөн эдгээр албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зөв үү?

-Саарал жагсаалтад орсны дараа Ардчилсан нам УИХ-ын даргад шаардлага тавьсан. Саарал жагсаалтад оруулсан, гол үүрэг хариуцлага хүлээх ёстой Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Хууль зүйн сайд, Сангийн сайд нарт хариуцлага тооц гэсэн шаардлага тавьсан. Төр арай эзэнгүй болчихоогүй юм байна. Хариуцлага тооцох гол арай тасарчихаагүй юм байна. Ямартаа ч гол хоёр нөхөр дээр хариуцлага тооцох шийдвэр гарлаа. Засгийн газрын хоёр гишүүн дээр хариуцлага тооцох эсэхийг ярих нь эрх баригчдын асуудал. Бид бол шаардлагаа тавьчихсан. Ний нуугүй хэлэхэд Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан үндэслэлүүд дотор байгаа заалтуудыг харахад мөнгө угаах, хар тамхи мансууруулах бодис, эмх замбараагүй байдал, эдийн засгийн ил тод байдал алдагдсан, терроризмыг санхүүжүүлэх магадлалтай зэрэг байгаа юм. Эдгээр гол асуудлыг хариуцсан үндэсний зөвлөл гэж бий. Энэ зөвлөлийг толгойлж байгаа гол хүн нь Хууль зүйн сайд Ц.Нямдорж юм. Энэ нөхөр уг асуудал дээр ямар хариуцлага хүлээх юм бэ. Энэ өнөөдөр гэнэт босоод ирчихсэн асуудал биш юм шүү дээ. 2017 онд FATF-аас тодорхой сануулга ирүүлж байсан. 40 заалт бүхий зөвлөмж ирүүлсэн. Яагаад энэ бүгдийн дагуу үйл ажиллагаа зохион байгуулж болоогүй юм гэдэг нь сонин. Нэг харамсмаар зүйл нь 2011 онд Монгол Улс саарал жагсаалтад ороход өнөөгийн МАН эрх барьж байсан. 2014 онд Ардчилсан намын тэргүүлсэн эвслийн Засгийн газар эрх барьж байхад саарал жагсаалтаас гарсан. МАН дахиад эрх барьж байгаа үедээ саарал жагсаалтад оруулчихлаа. Хэзээ, ямар болзол нөхцөлтэй буцаж гарах юм гэдэг нь тодорхойгүй. Аль нам эрх барьж байгаагаас үл хамаараад Монгол Улс саарал жагсаалтаас гарах ёстой. Тэгж байж бид гадаад зах зээл, санхүү, хөрөнгө мөнгөний асуудал дээр нээлттэй болно. Цаашдаа улс орны хөгжил, үндэсний аюулгүй байдал хангагдах нөхцөл бүрдэнэ.

-Таны ширээн дээр Сангийн сайд асан С.Баярцогтын гаргасан “Оюу толгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох баримт бичгүүд” хэмээх товхимол байна л даа. Уншиж үзэв үү. Дүгнэлтэд хүрч чадсан болов уу?

-Дөнгөж эхнээс нь хараад л сууж байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: Хуулийн төсөлдөө АМНАТ-ийг давхардуулж авахгүй байх зарчмыг барина

– ЭРХ БАРИГЧИД ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР СОНГУУЛЬ ХИЙХ ХУВИЛБАР ЛУУГАА ШИЛЖИЖ БАЙНА –

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох шийдвэрийг Цэц гаргалаа. Та Цэцийн шийдвэрт ямар байр суурьтай байгаа вэ?

-Цэцийн шийдвэр хоёр талтай. Нэгдүгээрт, алтны АМНАТ-ийг үлдээх нь зөв. Хоёрдугаарт, тухайн ордоос нүүрс эсвэл зэс худалдаж аваад боловсруулалт хийгээд явж байгаа компаниуд түүндээ дахин АМНАТ төлж байгаа. Ингэснээр үйлдвэрлэлийг, дотоодын хөрөнгө оруулалтыг боомилсон үйлдэл болсон гэж харж байна. Энэ утгаараа АМНАТ-тэй холбоотой гарсан Цэцийн шийдвэрийг дэмжиж байгаа юм.

2019 оны гуравдугаар сарын 26-нд батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар дотоодод бараа бүтээгдэхүүн дамжуулан боловсруулж байгаа тэр компаниуд хэдэн төгрөгийн АМНАТ төлсөн нь одоогоор тодорхойгүй байна. Бүр тодруулбал, Үндсэн хуулийн Цэц болон Сангийн яам тухайн хуультай холбоотой дүрэм журмаа боловсруулаагүйтэй холбоотойгоор өнөөдрийг хүртэл АМНАТ төлөгдөөгүй.

-Хууль батлагдсан ч татвар төлөгдөөгүй байсан гэсэн үг үү?

-Тийм. Цэцийн шийдвэр гарчихаар гуравдугаар сарын 26-наас өнөөдрийг хүртэлх бүх АМНАТ төлөгдөхгүй үлдэнэ. Засгийн газар АМНАТ-ийн хууль өргөн барьж байна. Дээрээс нь Ардчилсан намын зөвлөлийн гишүүн С.Эрдэнэ, З.Нарантуяа болон миний бие хуулийн төсөл өргөн барьж байгаа. Энэ хуулийн төслүүд хэлэлцэгдээд, нэгтгэгдээд батлагдах хүртэл ямарваа нэгэн АМНАТ төлөгдөхгүй, түр зогсоно.

-Үүний эрсдэл нь юу байх юм бэ?

-Эрсдэлийг нь нарийн сайн тооцож гаргаж чадахгүй байна. Одоогоор нүүрсний ордгүй, нүүрс худалдаж аваад борлуулдаг хоёр үйлдвэр байна. “Говийн элч”, “Страто” гэсэн хоёр компани бий. Энэ хоёр компани нийлээд ойролцоогоор гурав орчим тэрбум төгрөгийн АМНАТ-өөс чөлөөлөгдөж байх шиг байна. Дээрээс нь зэс боловсруулдаг хэд хэдэн компани бий. Эдгээрээс хэдэн төгрөгийн АМНАТ авахгүй үлдэж байгаа вэ гэдэг нь тодорхой биш. Миний ойлгож байгаагаар 10-20 тэрбум төгрөгийн л АМНАТ алдаж байгаа болов уу.

-Сангийн сайдын зүгээс төсөвт 1.3 их наяд төгрөгийн алдагдал үүслээ гэсэн мэдэгдлийг хийсэн. Үнэхээр ийм алдагдал үүсэх үү?

-Хоёр тоо бий. Нэг нь Сангийн сайдын хэлж байгаа 1.3 их наяд төгрөг. Энэ тоо нь бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүн дээр тавьж байгаа АМНАТ-ийн тоо. З.Энхболд 700-гаад тэрбум төгрөгийн тухай ярьж байгаа. Энэ бол зөвхөн нүүрснийх. Гэхдээ энэ дотроо дахиад ялгагдана. Өөрөөр хэлбэл, 700 тэрбумыг шууд алдана гэсэн үг биш. “Энержи ресурс” нүүрс боловсруулж гаргаж байгаа ч өөрөө уурхайтай учраас дахин АМНАТ төлөхгүй. Хуулийн хүрээнд боловсруулсан бүтээгдэхүүн дээрээ АМНАТ төлөхгүй байх боломжтой гэсэн үг. Түүхий нүүрсийг маш олон компаниуд гаргаж байгаа. Боловсруулагдаагүй учраас түүн дээр дахин АМНАТ авах тухай яригдахгүй. Ингээд тооцоолоод үзэхээр хоёр гуравхан компани дотооддоо нүүрс боловсруулж, түүн дээр тавьж буй гурав орчим тэрбум төгрөгийн АМНАТ-ийн л асуудал байгаа юм. Үүнийг аль аль нь сүржин байдлаар мэдээлэх шаардлагагүй л гэж харж байна.

Нүүрсийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг бий болгох, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд Цэцийн шийдвэр маш зөв болсон. Нөгөө талаараа энэ нь Эрдэс баялгийн зөвлөлөөс тусдаа лиценз зөвшөөрөл авч байж, цөөн компани хийдэг том бизнес. Тусгай зөвшөөрөл, лицензтэй бизнес хийж байгаа тохиолдолд АМНАТ-ийг дахин төлөөд явах нь зөв гэх байр суурийг илэрхийлж байгаа хүмүүс ч байна. Гэхдээ бид аль болох хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, бодлогоо гаргах нь зүйтэй юм.

-Лиценз эзэмшигчээс нүүрс зэрэг баялгийг худалдан авбал 2.5 хувь, угааж боловсруулбал таван хувь, экспортод гаргаад өсөн нэмэгдэх гурван хувийн гээд нийт 10.5 хувийн татвар авч байх зохицуулалт байсан. Тиймдээ ч төсөвт 1.3 их наядын орлого олно гэж тооцсон юм биш үү?

-Манай улс есөн сарын байдлаар 28 сая тонн нүүрс гаргачихсан байгаа. Үүний 200-300 мянган тонн нүүрсэнд нь АМНАТ-ийн асуудал яригдаж байна. Бусад нүүрсийг уурхайгаас түүхийгээр нь гаргаж байгаа учраас ямарваа нэгэн АМНАТ төлөхгүй. Нүүрс ихээр гаргаж байгаа ганц том компани нь “Энержи ресурс”. Дахин хэлэхэд тус компани өөрөө уурхайтай учир нүүрсээ боловсруулаад гаргасан ч АМНАТ төлөхгүй. Хуулийн зохицуулалт нь ийм юм.

-Та дээр АМНАТ-тэй холбоотойгоор хоёр хуулийн төсөл хэлэлцэгдэнэ гэлээ. АН-ын зүгээс АМНАТ-ийн хуульд ямар зохицуулалт орох нь зүйтэй гэж үзэж байгаа юм бэ?

-Дотоодод боловсруулалт хийж, нэмүү өртөг шингээж буй компаниудыг дэмжихэд чиглэсэн хуулийн төслийг хийж байгаа. АМНАТ-ийг давхардуулж авахгүй байх зарчмыг барьж байна.

-Тэгвэл Засгийн газраас өргөн барьж буй хуулийн төслийн агуулга нь ямар байгаа бол?

-АМНАТ-ийг давхардуулан авахаар зохицуулалт орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл, хуучнаараа орж ирж байна. Хэрэв Засгийн газрын өргөн барьсан тэрхүү хувилбарыг бид УИХ-аар батлах юм бол Цэцээс дахиад л ийм шийдвэр гаргана. Ерөнхийлөгч ч мөн хориг тавина гэсэн үг.

-Энэ хоёр хууль хэлэлцэгдэж, нэгтгэгдэх гэсээр байтал мөн л хугацаа алдаж таарах нь ээ. Энэ хугацаанд АМНАТ-ийн асуудал ямар ч зохицуулалтгүй явах нь гэж ойлгож болох уу?

-Төсвийн хууль хэлэлцэж байгаатай холбоотойгоор аливаа орлоготой холбоотой хуулиудыг нэн яаралтай дэгээр хэлэлцэх боломжтой байдаг. Тиймээс энэ хоёр хуулийг маш богино хугацаанд шийдэх боломжтой.

-2020 оны төсвийг сонгуулийн төсөв боллоо гэж шүүмжилж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-МАН, 60 тэрбумынхаа сүлжээгээр Засгийн эрхийг авах тухай ярьдаг байсан. Энэ 60 тэрбумынхан эхнээсээ шоронд ороод эхэллээ. Тиймдээ ч эд нар хоёрдугаар вариант руугаа шилжиж байгаа. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, ард түмний төлсөн татварын мөнгөөр сонгууль хийх хувилбар луугаа шилжиж байна.


Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Эрх баригчдад Үндсэн хууль батлах шиг амархан зүйл байхгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-УИХ 2020 оны төсвийг батлахаар хэлэлцэж эхлээд буй. Энэ жилийн улсын төсвийг харахад таны сонгогдсон Орхон аймгийн төсөв тун бага байлаа. Бага байгаагийн учрыг та юу гэж харж байна вэ?

-Орхон аймаг гурван УИХ-ын гишүүнтэй, тэд тус бүр долоон багтай. Миний тойргийн төсөв харьцангуй боломжийн байгаа. Нөгөө хоёр гишүүнээ муулж байгаа ч юм биш, сонгуулийн сүүлийн жил болоод ч тэр үү, тэд сандарч байх шиг байна лээ. Эрдэнэтээ бодох юм бол бага төсөвтэйг нь бодож бухимдаж байна. Эрх баригч намын гишүүд болох нөгөө хоёр гишүүн маань ажлаа хиймээр байгаа юм. Саяхны нэг судалгаагаар манай тойргийн арван хүний долоо нь миний хийсэн ажлыг мэдээд, нааштай байна гэнэ. Нөгөө хоёрын тойрог дээр очиход арван хүний зургаа нь намайг огт мэдэхгүй, муу ажилласан байна гэж дүгнэжээ. Тодруулбал, хүмүүсийн өмнөөс би хэлмэгдэж байгаа хэрэг. Тиймээс Эдийн засгийн байнгын хорооны дарга байсан Д.Дамба-Очир, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга байсан О.Содбилэг хоёрт ажлаа хийгээч ээ гэж хэлмээр байна. Швейцарьт амьдрахаа болиоч ээ гэмээр байгаа юм.

-Хэн Швейцарьт амьдарч байгаа гэж?

-Тэр залуу Монголд ердөө амьдрахгүй байна шүү дээ. Уг нь аав нь Эрдэнэтийн домог юмсан. Эрх баригч намын гишүүд учраас энэ хоёр гишүүн Эрдэнэтийнхээ төсвийг нэмэгдүүлээд ороод ирвэл сайн л байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаж чадах уу?

-Эрх баригчид хамгийн амархан зүйлийг хийж чадахгүй болохоор уур хүрээд байх юм.

-Амархан гэдэг нь?

-Үндсэн хууль батлах чинь хамгийн амархан зүйл байхгүй юу.

-Харин ч хэцүү зүйл биш үү?

-Юу нь хэцүү байгаа юм. 56 хүний кноп байхад л болно шүү дээ. Таван нам байсан бол хэцүү л дээ. Таван өөр юм ярьж таарна. Дээрээс нь 20-30 хүнтэй сөрөг хүчин байвал бүр хэцүү. Тэд өөрсдийнхөө саналаа тавьж таарна. Гэтэл өнөөдөр надтай нийлээд найман нөхөр л сөрөг хүчин байна. Тэд жагсаалтын хууль оруул, Ерөнхийлөгчийг парламентаас сонго гэх зэргээр дуртайгаа л ярина.

Гэлээ ч бид мөрөөдлийн шинжтэй. завсарлага авах, дүгнэлт авах боломж байхгүй. Шинэ МАНАН мафийнхан маань урвагчдаараа дамжуулаад АН-ыг бүлэггүй болгочихсон. Тиймдээ ч эрх баригчдад үндсэн хууль батлах шиг амархан зүйл байхгүй. чадахгүй бол энэ нам байгаад ч хэрэггүй.

-Эрүүгийн, Зөрчлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлыг хэрхэн авч үзэж байгаа юм бэ. Их ойлгомжгүй зохицуулалт орсон байна гэх шүүмжлэл байна л даа.

-Шинэ үндсэн хууль батлагдсантай холбоотойгоор 1995 онд анх удаа Эрүүгийн хуультай болсон юм. Тэр хуулийг хийхдээ америкууд тусалж байсан санагдаж байна. Дараа нь 2002 онд эрүүгийн хууль хийхэд германчууд тусалсан. энэ хуулийг хийхэд гадны мэргэжлийн байгууллагуудын оролцоо, дэмжлэгтэй байсан учраас алдаа харьцангуй багатай байв. Гэхдээ авах, гээхийн ухаанаар бодох зүйл ихтэй байсан юм. Гэмт хэргийн хөнгөн, хүнд, хүндэвтэр, онц хүнд гэж нэрлэсэн. ингэж нэрлэсэн хэрнээ нэг удаа хулгай хийхэд нэг жилийн ялтай, хоёр дахиа хулгай хийхэд үнийн дүнгээс үл хамаарч 10 жилийн ялтай болсон. үүнтэй холбоотойгоор хүүхдэдээ сүү авах гэж найзаасаа 500 мянган төгрөг аваад, залилангийн хэрэгт холбогдож 11 жилийн ял авчихсан эмэгтэйн кэйс ч бий. ийм харгис хууль гарсан. энэ хуулийг “Ц.Нямдоржийн хар хууль” гэдэг юм. Ц.Нямдорж хийчихсэн юм биш. Албан тушаалын хэрэг гэх заалтыг Ц.Нямдорж байхгүй болгочихсон юм. Тиймдээ ч 2002-2008 оны хоёрдугаар сарын 1 хүртэл албан тушаалтан авлига авахад ялгүй байсан. энэ утгаараа “Ц.Нямдоржийн хар хууль” гэдэг юм. харин 2015 онд орж ирсэн хуулийг Ц.элбэгдоржийнх гэдэг. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, х.Тэмүүжин нар хийсэн. Би тэднийг Соросын хэдэн гөлөг ч гэж хэлж байсан. зүүн Европт явж байгаад Соросын гөлөг болсон хэдэн нөхдүүд Монгол Улс дээр туршилт хийсэн мэт хууль оруулж ирсэн. Тэр үед уншаад болохгүй гэдгийг хэлж байсан. Би хууль зүйн байнгын хороо, хүний эрхийн дэд хороонд байсан учраас тодорхой хэмжээгээр нөлөөлөх, ярих боломжтой байсан хэрэг. Гэтэл 2016 онд тэрхүү хуулийг алдааг засна гэж Нямдорж авч явангуутаа “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдэг шиг л юм болгочихсон.

хуучин хуульд биеэ үнэлэх, орон байраар хангах, ажлын байрны дарамт нь гэмт хэрэг байсан. Гэтэл хуульд өөрчлөлт оруулснаар тэд гэмт хэрэг биш болчихсон. хөөн хэлэлцэх хугацааг ял шийтгэлийнх нь хугацаатай дүйцүүлсэн. Доод ялыг нь багасгачихсан. Мөн хамгийн аймшигтай нь 14 настай хүүхдийг биеэ үнэлэлтийн объект болгочихсон. үүнээс болоод 14 настай хүүхдийг жирэмсэн болгочихоод найман сарын л ял авч байна. энэ мэтчилэн эрүүгийн хуулийн зүйл, заалт бүр асуудалтай байгаа.

-Тэгвэл энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхээр тусгаж байгаа юм бэ?

-Өргөн барьсан Эрүүгийн, зөрчлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийг Д.Ганболд гишүүн ахалж байгаа. Намайг дэд даргаар тавиагүй. Ажлын хэсэгт оруулсан л гэсэн. Өргөн барьсан заалтууд нь болохгүй байна лээ.

-Гүтгэх хэргийг Эрүүгийн хуульд оруулж байна. Энэ нь хэвлэлийн эрх чөлөө, хардах эрхэд халдаж буй хэрэг биш үү?

-Сэтгүүлчид үүнийг буруугаар ойлгож, гүтгэх хэргийг эрүүгийн хуульд орууллаа гэж байна лээ. Сэтгүүлч хардах, эх сурвалжаа нуух эрхтэй байж болно. Манайд буруу тогтолцоо яваад байгаа юм. Нотлох баримтыг олох нь цагдаа, нотлох баримтыг мөн гэдгийг батлах нь шүүх. Жишээ нь, сэтгүүлч нэг хүнийг улсын мөнгөөр гадагшаа явлаа гэж 15 удаа бичжээ. Гэтэл тэр хүн нь 15 удаа явчихаж. Сэтгүүлчийн зорилго нь 13, 15 удаа явсныг бичих нь гол бус төрийн мөнгөөр гадаадад зугаалаад байгаа тухай л юм. Гэтэл шүүх сэтгүүлчийг буруу нотлох баримт гаргасан байна гээд хоёр сая төгрөгөөр торгочихож байгаа юм. Явсан нь үнэн, тоо нь хамаагүй гэж хэлсээр байхад торгосон. Яг ийм тохиолдолд, сэтгүүлчдийг мэргэжлийнх нь хувьд гүтгэх хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж болохгүй.

харин жирийн иргэд онц гэмт хэрэгт хүнийг гүтгээд байна. Жишээ нь, О.Магнай гээд алдартай улстөрч, Оюунболд гээд гурван нөхрийг 18 настай охиныг хүчиндлээ гээд худал сайтын нэрээр нийтийн сүлжээнд биччихэж байгаа юм. ингэж бичиж биднийг гүтгэлээ гэнгүүт, эцэстээ тэднийг О.Баасанхүү гүтгэсэн болчихож. Намайг ч бас давхар гүтгэчихэж байгаа хэрэг. энэ тохиолдолд би яах вэ. энэ тохиолдолд тэр хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх вэ. Тагнуул, Цагдаад нь хэлэхээр олохгүй юм.

Гүтгэх хэргийг эрүүгийн хуульд оруулахаар мөрдөн байцаах ажиллагаа болж, түүнийг эрэн сурвалжлах үүрэг нь үүсэх юм. Ийм биш тохиолдолд намайг гүтгэсэн хүнийг хоёр саяар торгуулахын тулд хэн гэдгийг нь би мэдэж байх ёстой болчихож байна. Эх сурвалж тодорхой бусаар хүнийг гүтгээд байна. иймэрхүү байдал хэрээс хэтэрсэн. Мөн гүтгэх хэрэг Эрүүгийн хуульд ороогүйгээс болоод хүссэн хүнээ гүтгээд хоёр сая төгрөгийг нь өгчихье гээд байна. Гэтэл гүтгүүлж буй хүний нэр хүнд, карьер яах вэ.

-Хятадын 800-гаад иргэн орж ирж, цахим гэмт хэрэг үйлдэж байжээ. Энэ нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-ТЕГ-ын газрын мэдээл-лийг өнөөдөр л олж харлаа. Наймдугаар сард мэдэж л байсан юм байна. 800 болохоор нь ажиллагаа явуулсан юм байна л гэж ойлголоо. Визийг хэн өгсөн бэ гэдэг нь чухал л даа.

-Цахим гэмт хэрэгтнүүдийг ийн сүр дуулиантай барьж, хорих нь цахим орчинг хянах хуулийг батлах сэжим гаргаж байгаа хэрэг гэх таамаг байна л даа.

-үүнд ямар зорилго агуулагдаж байгааг би мэдэхгүй байна. хамгийн сонирхолтой нь манай Ерөнхийлөгчийн хажууд байдаг хэвлэлийн байгууллага түрүүлж мэдээллээ. Манай улстөрчид өөр, өөрийнхөө гараар тодорхой хэвлэлийг атгачихдаг юм шүү дээ.

-Та БНХАУ, Монгол Улс хоёрын хил дээр байгуулагдахаар яригдаж буй чөлөөт бүсийг дэмжиж байгаа юу?

-Би дэмжихгүй байгаа. Олон улсын худалдааны чөлөөт бүс гэж ойлголт байна. хил дамнасан, хоёр хилийн хоорондох чөлөөт бүс гэж байна. Манай ярьж байгаа нь хоёр хилийн хоорондох чөлөөт бүс. үүнийгээ гэрээгээр зохицуулж, хууль руу оруулж ирж байгааг нь би буруу гэж харж байгаа. Олон улсын гэрээгээр бол өөр хэрэг.

-Чөлөөт бүс байгуулах тухай олон жил ярьсан шүү дээ?

-Олон жил ярьсан зүйл нь их тодорхой. Тодруулбал, олон улсын худалдааны чөлөөт бүс байгуулах тухай юм. Гэтэл энэ удаагийнх хоёр улсын хоорондох чөлөөт бүс. энэ нь одоогийн Европын холбооны чөлөөт бүс шиг л юм. хоёр улсын хэнбугай ч байсан 30 хоногоор, дуртай үедээ тэр бүсэд орно гэж байна. энэ л асуудал байгаа юм. Уусна шүү дээ. үндэсний аюулгүй байдал талаасаа санаа зовох ёстой зүйл. Ярихдаа олон улсын худалдааны чөлөөт бүс гэчихээд гэрээндээ хоёр улсын хоорондын чөлөөт газар гэж яваад байгаа юм.

-2020 оны сонгуулийг хэрхэн харж байгаа вэ. Та МАХН-аасаа нэр дэвшинэ биз дээ?

-ирэх жилийн сонгуулийг гоё л болох байх гэж харж байна. МАхН-ыг суудалтай байлга гэж ард түмэн намайг дэмжсэн. Мэдээж энэ дөрвөн жилдээ би намаа солиод явчихгүй нь ойлгомжтой. Цаашдаа намын Их хурлаас, намын удирдлагуудаас намайг дэвшүүлье гэвэл дэвшинэ. Дэвшүүлэхгүй гэвэл тэр л биз. Тэр тохиолдолд өөр дэвшүүлэх намууд гарч ирвэл дэвшинэ. Би хоёр удаа ганцаараа байж үзлээ. 2012-2016 онд би ганцаараа байж үзсэн. Тэр үед даргад таалагдах байдлаар явсан бол би Шадар сайд, эрүүл мэнд, Батлан хамгаалах, Барилга, Сангийн сайд болох боломжтой байлаа. Би зарчим л ярьсан. “Бид МАНАН мафитай тэмцэх ёстой сөрөг хүчин. АН, МАН-тай хуйвалдаж луйвар хийхээ больё. хамгийн түрүүнд биднийг л буруутгана” гэж хэлж байсан. Тэр үед байсан 11 гишүүнээс өнөөдөр хэд нь шоронд орчихов гэдгийг бодох ёстой. Баянсэлэнгэ маань шоронд байж байна. Сономпил шоронд орчихлоо. Шийлэгдамба шоронд байж байгаад гарлаа. Оюунбаатар онцгүй байдалтай, хэл аманд холбогдчихсон байж байна. Нэг харахаар биднийг дээрэлхээд байгаа мэт. Гэхдээ эцсийн эцэст бид шударга байя гэвэл алдаагүй байх ёстой юм.


Categories
мэдээ цаг-үе

Д.Үүрцайх: Хөөсрүүлж хийсэн төсвийн үр дагаварт хөрөнгө оруулалтын ажлууд үр ашиггүй болно

Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн, Үндсэн хуулийн эрх зүй судлаач Д.Үүрцайхтай ярилцлаа.


-УИХ-аар 2020 оны төсвийн хуулийг батлахаар хэлэлцэж эхлээд байна. Ер нь төсөв гэж юу вэ?

-Улсын төсөв гэдэг нь Монгол Улс тухайн жилдээ хэр хэмжээний орлого олж, зарлага зарж, хөгжлийн ямар бодлого хэрэгжүүлэх эсэхийг тусгасан баримт бичиг байх ёстой. Иргэд, сонгогчид улсын төсвийн хуулийн төслөөс Монгол Улсын өнөөгийн төр, Засгийн газар хөгжлийн ямар бодлого барьж байна вэ, ирээдүй хойч үеийнхээ төлөө юу хийж бүтээх нь вэ гэдгийг харах ёстой. Ийм л агуулгатай баримт бичиг юм.

-Төсвийг микро эдийн засгийн тохируулга хийхэд зориулагдсан зүйл ч гэдэг. Энэ утгаараа төсөв зөв зүйтэй байх боломжийг хэрхэн олгох юм бэ?

-Төсөв өөрөө бизнесийн салбарт тун чухал нөлөөтэй.

Үүнээс гадна Монгол Улсын эдийн засаг төрийн оролцоо маш өндөртэйд тооцогддог. Тэр утгаараа төсвийн бодлого зөв байвал бизнесийн орчин сайжрах, тус салбарынхан амжилттай байх тэр нөхцөлийг бүрдүүлнэ. Ийм нөлөөтэй гэдэг нь ойлгомжтой. Манай төсвийн хөрөнгө оруулалтын 80-иад хувь нь урсгал зардалдаа зориулагддаг бүтэцтэй. Харин үлдэх 20 хувийн багахан хөрөнгө оруулалтын зардлаа маш үр ашигтай, ирээдүй хойч үеэ бодож зарцуулах ёстой юм. 100 гаруй хүүхдэд зориулаад 300 хүүхдийн сургууль барих, хүн явдаггүй сум руу хар зам татах нь зөв үү гэдгийг бодох хэрэгтэй л дээ. Сүүлдээ бүр утгаа алдаад тойргийнхоо оюутнуудад зориулж Улаанбаатарт дотуур байр барина гэж байх жишээтэй. Энэ бүхэн ичгэвтэр явдал. Улс орноо бодохгүй, зөвхөн албан тушаал, эрх ашгийн төлөө улс төрийн авлига хийж байгаа үйлдэл. Энэ мэт алдаа завхралаа арилгаж нэгдсэн бодлогоор хөгжлийн бодлогод хэрэгцээ шаардлагатай хөрөнгө оруулалт юу байна вэ гэдгийг тооцоо судалгааны үндсэн дээр гаргаж ирэх нь чухал юм.

-Мөн Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд нарыг өөрсдийн нутаг руугаа их хэмжээний төсөв татаж, тойргоо усалж байна гэх юм.

-Аялал жуулчлал манай улсын хөгжилд нөлөөтэй гол салбар гэдэгтэй хэн ч маргахгүй.

Тэр утгаараа Хэнтий чиг рүү төвлөрүүлэн хөрөнгө оруулж байгаа нь зөв байж болно. Гэхдээ нэн тэргүүнд тооцоо судалгаан дээр үндэслэсэн эсэхийг харах ёстой юм. Жишээ нь, Бэрхийн уурхайд далд уурхайн музей байгуулна гэж байна. Бэрхийн уурхай руу тэрхүү музейг үзэхээр хэдэн хүн, хэрхэн зорьж очих вэ. Тэр музей хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж чадах уу. Хэнтий аймагт хэдэн шавар баримал барьснаар тийш зорих аялал, жуулчлал хөгжих үү гэдгийг ч бодож үзэх ёстой юм. Харин эсэргээрээ аялал жуулчлал хөгжих боломжтой авто болон төмөр зам дагуух газрууддаа жуулчны үйлчилгээний боломжуудыг нээж, дэд бүтцийг нь бүрдүүлж өгвөл илүү үр дүнтэй байх юм биш үү. Энэ мэтчилэн тооцоо судалгаа, үр ашгийг үргэлж нэн тэргүүнд тавих ёстой юм. Ингэж байж улсын төсвийн хууль, бодлого зөв гарч, зөв явна. Хөгжлийн бодлого энэ хэрээр сайжирна.

Ерөнхийдөө 2020 оны төсөв сонгуулийн жилийн төсөв гэдэг нь үндсэндээ илт харагдаж байна. МАН энэ жилийн төсвийн төсөлдөө орлогыг зохиомлоор маш ихээр нэмэгдүүлсэн. Өмнөх жилүүдийн орлогын бодит өсөлт 3-4 хувьтай байсан бол энэ жил 22 хувьтай байх жишээтэй. Тэр ч утгаараа энэ төсөв хэрэгжих боломжгүй, хийсвэр. Орлогоо ингэж өсгөх зорилго нь зарлагаа нэмэгдүүлэх арга. Тойрогтоо хуваарилдаг хөрөнгө, мөнгөө нэмэгдүүлэх зорилгоор төсвийн орлогыг нэмэгдүүлчихэж байгаа юм. Ингээд зардлаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заагдсан төсвийн тусгай шаардлагын дээд хязгааруудад тултал нэмсэн байна билээ.

-Манай улсын нүүрс гаргах потенциаль хамгийн дээд хэмжээндээ хүрч ажиллаад 30 сая тонн байхад энэ жилийн төсвийн төсөлд 40 сая тонн гэж тусгасан нь ийм учиртай байх нь.

-Тийм. Улмаар таны асуусанчлан нам, засагтаа нэр, нөлөөтэй улстөрчид нь сонгуулийн тойргууд руугаа хавьгүй их хөрөнгө орлогын зардлуудыг тусгуулсан байгаа юм. Үүний суурь шалтгаан нь манай сонгуулийн тогтолцооны гажигтай холбоотой. Бид 30-иад жил дийлэнх, олонхийн тогтолцоотой явж ирсэн. Түүний уршигаар Монгол Улс өнөөдрийг хүртэл хөгжлийн тогтвортой бодлогогүй, хөрөнгө оруулалт нь үр ашиггүй, жижиг тойргуудад хувааж цацсан байдалтай, улсын төсвөөр хийгдсэн бодитой, том хөрөнгө оруулалтгүй байна. Том хөрөнгө оруулалтуудын дийлэнх нь гадны орнуудын зээл, тусламжаар хийгджээ. Энэ мэтчилэнгээр улс орны хөгжил саатсан, ухарсан байдалтай байна. Энэ нөхцөл байдал 2020 оны төсвийн төсөл дээр дахин давтагдаж байгаа нь маш харамсалтай.

-Иргэдэд таалагдахын тулд зохиомлоор орлого нэмэгдүүлэн төсөвт мөрөөдлийн тоо тусгаж, алсдаа их хэмжээний мөнгө хэвлэн, эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхийн үндсийг тавьж байгаа юм биш үү?

-Эрх баригч намд Монгол Улсын төсвийг үр ашигтай байлгах, эдийн засаг харьцангуй тогтвортой, өсөлттэй байгаа үед ирээдүйдээ хуримтлал үүсгэх, эсвэл хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг нэмэгдүүлэх сэтгэл зүрх дутаж байна. Нүүрсний экспортыг 42 сая тоннд хүргэж нэмэгдүүлнэ гэдэг зорилт нь хэрэгжих боломжтой юу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй асуудал. Харин эрх баригчдад энэ нь хэрэгжих үгүй нь хамаагүй бололтой. Хамгийн гол нь зарлага тал дээрээ өндөр үнэ тавьж, өөрийнхөө тойрогт ажил хийсэн гэж харагдан, сонгогчдын саналыг авах нь л чухал болоод байна. Ингэж л харагдаж байна. “Надаас хойш дэлхий сөнөсөн ч яахав” гэж XIV Людовик хэлсэн гэдэг. Эрх баригчид яг ийм байдлаар хандаж байна уу гэж харагдахаар байгаа юм. Тэд 2020 оны сонгуульд ялагдана гэдгээ сайн мэдэрч байх шиг байна.

Хөөсрүүлж хийсэн төсвийн үр дагаварт хөрөнгө оруулалтын ажлууд үр ашиггүй болно. Бид Тогтворжуулалтын болон Ирээдүйн өв санд хуримтлал үүсгэх ёстой. Энэ удаагийн төсвийн дүнд бид дээрх сангуудыг улам дордуулна. Дордсон ч байгаа. Дээрээс нь эдийн засгийн ханшийн болоод бусад сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Дараагийн Засгийн газрыг авах улс төрийн хүчин бүрэн эрхийн хугацаандаа маш хүнд байдалтай тулгарна. Ийм л нөхцөл байдлуудыг үүсгэж байна.

-Өнөөдрийн эрх баригчид “2016 оны сонгуулийн дараа бид маш хүнд эдийн засаг хүлээж авсан” хэмээн гомдоллож байсан. Гэтэл эргээд тийм байдлыг үүсгэж байгаа нь ямар учиртай юм бэ. Эсвэл ийм жишиг тогтчихсон хэрэг үү?

-Хамгийн харамсалтай нь Монголын төр өдийг хүртэл ийм байдлаар явж, иргэдээ хуурч ирлээ л дээ. Монголын ард түмнээс авсан татвар, тэдний өмч болох газрын доорх баялгийн үр өгөөжийг ашиглан эргүүлээд өөрсдийг нь авлигадаж байна. Үүнийг улс төрийн авлига гэж ярьдаг. Энэ хоёр нам 30 жилийн турш улс төрийн авлига явуулах байдлаар санал аван халаа, сэлгээгүй сонгогдсон. Авлигач улс төрчид сонгогдож Монгол Улсын хөгжил, дэвшлийг арагш татсан. Ийм нөхцөл байдлыг яаралтай засахгүй бол бид маш эвгүй байдалд орно. Үүнээс цааш ийм байдлаар явах газаргүй боллоо. Улс орны тусгаар тогтнолд эрсдэл учирч, эдийн засаг доройтон саарал жагсаалтад хүртэл орлоо. Ард түмэн үгээгүй ядуу болж, баян хоосны ялгаа асар их боллоо. Энэ улстөрчид туйлд нь хүртэл Монгол Улсыг хорлолоо. Үүний эсрэг ХҮН нам шийдвэртэй тэмцэнэ. 30 жил ужгирсан энэ нөхцөл байдлаас бид мэдлэгтэй, чадвартай, хамгийн гол нь Монголын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй, шунал нь арилсан шинэ улстөрчдийг сонгон гаргаж байж л сална.

Мөн нэн тэргүүнд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай. Үндсэн хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх асуудалд Ардчилсан намын зүгээс гурван асуудлыг хөндөж байгаа. АН-ын хөндсөн нэг асуудал нь холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулах. Манай намын зүгээс ч пропорцианаль элемент буюу хувь тэнцүүлсэн тогтолцоог тодорхой хэмжээнд заавал оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Болж өгвөл бүрэн пропорцианаль байдлаар сонгуулийн тогтолцоог хийх хэрэгтэй гэж шаардаж байгаа. Гэхдээ эрх баригчид дийлэнх олонхийн тогтолцоо буюу жижиглэсэн 76 тойрогтой сонгуулийн тогтолцоог өөрсдийнх нь оршин тогтнохын үндэс гэж итгэж найдаад байх шиг байна. Ийм байдлаар цааш явах юм бол Монгол Улс мөхлийн ирмэгт тулна. Тиймээс үүнийг яаралтай өөрчлөх хэрэгтэй.

-Таныхаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаж чадах болов уу?

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийхээр болж байна. Гэтэл энэ завсар нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын үйл явцын алдаа гаргасан гэдэг шүүмжлэлүүд гарч байна. Анхны төсөлд тусгагдаагүй байсан саналуудыг Зөвшилцлийн гэх ажлын хэсгээр нэмж оруулсан гэдэг асуудал бий. Мөн сая Журмын тухай, Дэгийн тухай хуулийг өөрчлөхдөө хууль тогтоох үйл ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн асуудлууд ч үүсч байгаа.

-Эдгээр нь цаашид хэрхэн шийдэгдэх вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эрх баригчид хүч түрээд баталсан ч гэсэн дээрх асуудлууд нь саад болох, өөрлөлтийг хүчингүй болгох эрсдэлүүдийг дагуулж байна гэж харж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөсөө Монголын ардчиллыг устгах, парламентад ёсыг сулруулах агуулгатай улс төрийн нам байгуулах гишүүнчлэлийн тоог нэмэгдүүлсэн болон баялгийн зохицуулалтаас эрдэс баялгийн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хийх боломжгүй болгох, гацаах заалтаа хасах хэрэгтэй. Дээрээс нь сонгуулийн тогтолцооны өөрчлөлт, Ардчилсан намын гурван саналуудыг тусгаад гаргачихвал боломжийн өөрчлөлт болох болов уу гэж харж байна. Харамсалтай нь процессын алдаануудаа Үндсэн хуулийн шүүхийн өмнө одоогийн эрх баригчид хамгаалж чадах уу үгүй юү гэдэг эрсдэлтэй нөхцөл бас үүссэн. Хувь судлаачийн зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдах магадлал, батлагдлаа гэхэд хүчин төгөлдөр болж хэрэгжих магадлал бага болчихов уу гэж харж байна.