Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Капитал банкнаас 240 тэрбум төгрөгөө буцаагаад авчихвал ндш-ийг хоёр хувиар нэмэх шаардлагагүй

– “ГАЗПРОМ” АШГАА БОДОЖ БАЙВАЛ ХИЙН ХООЛОЙГ ЕРДӨӨ ХОЁР ЖИЛИЙН ДОТОР Л ТАВИНА –


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.


-Ерөнхийлөгч 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан.Яагаад хориг тавихаар болов?

-Төсвийн гурван хэсэгт хориг тавьсан. Нэгдүгээрт, нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хоёр хувиар нэмээд 174.2 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөнд хориг тавьж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлээр олох орлого талаасаа 174.2 тэрбумыг хасна гэсэн үг. Сүүлийн 20 жил нийгмийн даатгалын шимтгэл тогтвортой явж ирсэн. 2016 онд МАН УИХ-д олонх болмогцоо нэмж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар НДШ гурван хувь нэмэгдчихээд байна. Дахиад хоёр хувь нэмэгдэх нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс байсан. Энэ хоригийг хүлээж авах юм бол УИХ 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх хоёр хувиа зогсоох хуулийн өөрчлөлтийг хийх үүрэгтэй болж байгаа. Түүнээс зарим гишүүд, сайд нарын тайлбарлаад байгаа шиг гурван жилийн өмнө батлагдсан хууль дээр хориг тавьж байгаа юм биш.

Зөвхөн 2020 оны төсөв дотор байгаа Нийгмийн даатгалын сангийн орлогод тооцогдсон байгаа 174.2 тэрбум төгрөгт хориг тавьсан.

-Олон улсын валютын сантай байгуулсан гэрээний дагуу Нийгмийн даатгалын шимтгэлийг шат дараатай нэмж байгаа гэх тайлбарыг зарим гишүүд өгсөн. ОУВС-гийн хөтөлбөрийг үгүйсгэж байгаа хэрэг биш үү?

-ОУВС нь Монголын сонгуульд оролцоод ялаад улс орныг удирдаж байгаа биш, МАН л сонгуульд ялсан.МАН л энэ шимтгэлийг нэмж байгаа. Нэмэхгүй байх бүрэн боломжтой гэж Ерөнхийлөгч үзэж байгаа юм. Нийгмийн даатгалын шимтгэл аж ахуй нэгж болон ажиллагсдыг татвараас илүү дарамталдаг. 20 хувиараа яваад болоод байсан шүү дээ.

Хамгийн гол нь МАН 2016 оны сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт “татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй” гэсэн амлалт өгсөн. Гэтэл хадгаламжийн хүү, хувь хүний орлогын, газар эзэмших, ашиглах эрх борлуулсны, импортын тамхи, согтууруулах ундааны, суудлын автомашин, шатахууны татвар, нийгмийн даатгалын шимтгэл, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) зэрэг есөн татвар, шимтгэл, төлбөр нэмжээ. Долоон татвар, нэг шимтгэл, нэг төлбөр нийтдээ есөн татвар нэмсэн гэсэн үг. Арав дахь нь нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүллээ. Хэрэв та нийслэлд амьдардаг бөгөөд приус машинтай бол авто зам ашигласны төлбөрт тав дахин их мөнгө буюу 100 мянган төгрөг төлдөг болох нь. Жийп машинтай хүн 300 мянган төгрөг төлнө. Тэгэхээр сонгогдохдоо нэг юм амлаад гарсан хойноо тэрнийхээ эсрэг байдаг балмад үйлдэл байж болохгүй. Түүхий эдийн үнэ өссөн энэ үед татвар нэмэхгүйгээр эдийн засгаа удирдаад аваад явах бүрэн боломж байсан. Нүүрс, зэс, алт гээд манай экспортын бүхий л бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Гэтэл дээр нь татвар нэмж байна.

Саяхан дампуурсан “Капитал” гээд банкинд 240 тэрбум төгрөгийн НДШ-ийн мөнгө алга болсон. “Капитал” банкны эздүүдийн хөрөнгийг хураагаад энэ мөнгөө олоод авчих юм бол НДШ-ийг хоёр хувь нэмэхгүйгээр хоёр жилийнхээ төлөвлөсөн зарлагыг гаргаж болно. Энэ мэтээр идэх уух нь хэтэрсэн. Үүнийг нь нөхөхийн тулд Улаанбаатарын иргэд арав, хөдөө орон нутгийнхан есөн татвар, төлбөр, шимтгэлийн нэмэлтэд дарлуулах нь. Ядаж 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх хоёр хувийн орлогыг болих нь зүйтэй гэж төрийн тэргүүн үзэж байгаа.

-Үүнээс гадна төсвийн хоёр хэсэгт хориг тавьсан.Тэдгээрийг тодруулаач?

-Хөрөнгө оруулалтын жагсаалт дээр 2020, 2021, 2022 он дамжиж баригдах 386 барилга, арга хэмжээн дээр хэсэгчлэн хориг тавьсан.Эдгээрийн нийт дүн нь нэг их наяд 424 тэрбум 277.3 сая төгрөг. Үүнээс 2020 онд хэрэгжих нь 350 тэрбум 846.7 сая төгрөг. Эдгээрт хориг тавьж байгаа. Энэ УИХ-ын хугацаа ирэх зургадугаар сард дуусна. Дараагийн УИХ ийм үрэлгэн төсөвтэй санал нийлэхгүй байж болно. Гэтэл дараагийн УИХ-ын ажиллах 2020 оны сүүл хагас, 2021, 2022 оны төсвийн орлогыг урьдчилаад зарцуулчихаад байна л даа. Хэрэгтэй, хэрэггүй маш их барилга барьж байгаа.

-Яг ямар барилга байгууламжууд байгаа юм бэ?

-2020 ондоо багтаж дуусах барилгуудад хориг тавиагүй, энэ Их хурлын бүрэн эрх юм даа гэж бодсон учраас. Харин 2020 онд эхэлж 2021, 2022 онуудад үргэлжлэх бүх барилгуудад хориг тавьж байгаа. Оныг нь харгалзан үзсэн болохоос тэр энэ гэж цохож зааж тусгаагүй гэсэн үг. Энэ объектууд угаасаа баригдаж эхлээгүй, зураг төсөв ч байхгүй юу ч хийгдээгүй байгаа. Тэгэхээр хоёроос гурван жилийн турш үргэлжлэх 1.4 их наяд төгрөгийн 386 барилга алга болно. Гэхдээ үүний 350 тэрбум нь 2020 онд зарцуулагдах юм. Ингэснээр төсвийн алдагдал буурна. Ийм эерэг үр дүн гаргахыг Ерөнхийлөгч зорьж байгаа.

-2022 он гэхэд баригдаж дуусна гэгдээд буй Улсын драмын театр, Дуурь бүжгийн театр, Байгалийн түүхийн музейн барилгуудын төсөв хоригт багтсан уу?

-Тийм. Эдгээр барилгыг 2022 онд барьж дуусгахаар төсөвлөсөн. Иймэрхүү 386 барилгыг 2020-2022 онуудад барьж дуусгахаар төлөвлөсөн нь дараагийн УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна гэж үзсэн. Магадгүй дараагийн УИХ нураахгүйгээр ч шийдэл олж болно. Хориг хүлээж авбал сая нураадаг Байгалийн түүхийн музей шиг болохгүй гэсэн үг.

-Ирээдүй өв сангийн тухай хуульд хориг тавьсан нь ямар учиртай юм бэ?

-Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүй өв сангийн тухай хуульд хориг тавьсан. Ирээдүй өв сангийн мөнгийг Сангийн яамнаас өөр корпораци байгуулж удирдуулах хуультай юм. Манай Их хурлын үед гарсан хууль. МАН-ын УИХ, Засгийн газар гарсныхаа дараа энэхүү корпорацийг байгуулалгүй өнөөдрийг хүрсэн. Уг корпорацийг байгуулагдах хүртэл Сангийн яам Ирээдүй өв сангийн менежмэнтийг хийнэ гэдэг нь төсвийн цоорхой нөхнө л гэсэн үг. Төсвийн цоорхой нөхдөг учраас л Сангийн яамаар удирдуулахгүй гэж түрүүчийн Их хурал үзсэн байна шүү дээ. Тиймээс Сангийн яам удирдах нэмэлт, өөрчлөлтийг болохгүй гэж үзэн хориг тавьсан. Энэ хоригийг хүлээж авбал корпораци байгуулж, тэрхүү хуулийн заалтын дагуу удирдлагыг нь хэрэгжүүлж, ашгийг нь арвижуулах юм. Ирээдүй өв сангийн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчингүй боллоо гэхэд төсөвт ямар ч ачаалал байхгүй. Тэр санг хэн удирдах тухай ярьж байгаа болохоос тоонд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Ийм гурван хэсэг хориг байгаа.

-Төсөв хэлэлцэх, батлах хуулийн хугацаатай. Энэ хоригийг хүлээж авахаар төсөв задарч таарна. Энэ нь хуулиараа боломжтой юм уу?

-Задрах ёстой бол задарна шүү дээ. Ирээдүйд гарах УИХ-ын захиран зарцуулах төсвийг урьдчилаад зарцуулчихаж байгаа УИХ-ыг яах юм. Төсвөөс дээр дурдсан 386 объект хасагдана. Эдгээр барилгад төсөвлөсөн 350 тэрбум төгрөгийн хөрөнгө 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаас хасагдана. Нийгмийн даатгалын сангийн тухай 2020 оны төсвийн тухай хуулийн гурав, дөрөвдүгээр зүйлд хоёр хувийн өсөлтөөс НДШ санд төвлөрч зарцуулагдах 174.2 тэрбум төгрөгийг хасна. Ингэснээр НДШ хоёр хувь нэмэгдэхгүй болно. Үүнээс гадна Ирээдүй өв сангийн тухай хуулийн дагаж мөрдөх тухай хуулийн нэмэлтийг хүчингүй болгосугай гэсэн ганц өгүүлбэр гаргачих нь. Хоригийн үр дүнд төсөв сайжирна. Өөр ямар нэгэн өөрчлөлт хийхгүй.

-Ерөнхийлөгч Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд мөн хориг тавьсан.Түүний зүгээс “Өмгөөлөгчдийн холбоо”-г дахин байгуулахыг дэмжих боломжгүй гэж үзжээ. Үүнийг тодруулаач?

-Өмнө нь тусдаа байсан Хуульчдын холбоо, Өмгөөллийн холбоог хууль гаргаад нэг байгууллага болгосон юм. Хуульч, өмгөөлөгч Хуульчдын холбоондоо татвар төлнө, тэгж байж хуульчаар ажиллах сертификатаа авна. Өмгөөллийн холбоо байснаар өмгөөлөгч дахиад л тус холбоонд давхар татвар төлнө гэсэн үг. Өмгөөлөгчийн,шүүгчдийн, прокуроруудын зэрэг холбоо байхыг болиулаад дэлхийн жишгийн дагуу нэг холбоо байгуулсан юм. Хэдэн мянган төрийн бус байгууллагаас дөрөв, тавхан нь л өөрийн гэсэн хуультай байдгаараа ялгагдаж байдаг. Нэг нь энэ Хуульчдын холбоо. Мөн Худалдаа аж үйлдвэрийн танхим буюу Компаниудын холбоо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо, Улаан загалмай нийгэмлэг зэрэг байгууллагууд юм. Эд бүгд өөрийн гэсэн хуультай. Хуультай байдгийнхаа хувьд улс даяар ганцхан л байх ёстой. Хуульчдын холбоо нь хуульчдыг сургах, сонгон шалгаруулах, лиценз өгөх, зөрчил гаргах юм бол лицензийг нь хураах гэх мэтийн үйл ажиллагаа явуулдаг түүнийхээ төлөө гишүүдээсээ татвар авах юм. Хуучин хууль зүйн яамны хийдэг байсан үүргийг энэ холбоонд хуулиар шилжүүлээд өгчихсөн хэрэг. Хоёр дахь холбоог хэрхэвч байгуулж болохгүй шалтгаан нь төрийн бодлогын эсрэг болчихоод байгаатай холбоотой. Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудын тухай хуулийг хэлэлцэж эхлэх гэж байх шиг байна. Уг хууль батлагдвал Монгол Улсад тухайн асуудлаар ганцхан л мэргэжлийн холбоотой болно.

Жишээ нь, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 60, 70 холбоо бий. Ерөнхийлөгч чиглэл өгснөөр эдгээр холбоод нэгдэж “шүхэр холбоо”-той болсон. Хуулиар компаниуд тодорхой тооны хөгжлийн бэрхшээлтэй хүн авч ажиллуулах ёстой, хэрэв ажиллуулаагүй бол тухайн компани төлбөр төлдөг. Тэр төлбөрийг хуучин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам авдаг байсан. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод “шүхэр холбоо”-той болж чадвал тэр мөнгийг өгье гэсэн юм. Тэр мөнгөний захиран зарцуулах эрхийг яам биш холбогдох холбоонд нь өгье гэхэд 60, 70 холбоотой байгаа юм. Тиймээс нэгдэж нэг холбоо болох чиглэлийг өгсөн хэрэг. “Шүхэр холбоо” нь чухал үүрэгтэй. Тэд аж ахуйн нэгжүүд дээр очоод хичнээн хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулж байгаа эсэхийг шалгана. Ажиллуулаагүй байвал төлбөрөө авна. Ингэж хагас төрийн байгууллага шиг ажиллана. Олсон мөнгөөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ажилтай болгоно. Холбоог нэг болгож, онцгой эрх өгөх гэсний учир нь төр өөрийнхөө үүргийг жинхэнээс нь шилжүүлж өгөх гээд байгаа юм. Төр бүгдийг нь хариуцаж даахгүй байна шүү дээ. Компани бүрээр яваад хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулж байгаа эсэхийг шалгаад, тоолоод явах хүн хүч, орон тоо байхгүй учраас хариуцсан хүнд нь орлогыг нь өгөөд, жил бүр тайланг нь авч байх юм. Цаашид холбоодын үйл ажиллагааг жигдрүүлэх, дарга нь тодорхой хугацаанд солигдож байдаг дүрмүүдийг хуульчилж өгөх юм. Хэрэв энэ шалгуурыг даахгүй бол төрөөс өгсөн эрхээ буцаагаад авчихна. Хуульчдын холбоо нь Өмгөөллийн холбоо болоод хоёр хуваагдчих юм бол хуульчдын холбооны тухай хууль дээр байгаа сертификат өгдөг эрхээ буцаагаад авчихна гэсэн үг. Нэг холбоо болсноор өмгөөлөгч шүүгч, прокурорт үнэлгээ өгнө. Шүүгч, прокурор нь өмгөөлөгчдөө үнэлгээ өгнө. Ажлаа хийж чадахгүй нэгнийг холбооноосоо хасчихаж болно.Энэ хүн хуульчаа хийж чадахгүй гэдэг л үнэлгээнд хүрнэ. Угтаа Хуульчдын холбоон дотор Өмгөөлөгчийн дэд холбоо байдаг. Хуульчдынхаа холбоонд төлсөн нэг л татвараар дэд холбоо нь санхүүждэг. Холбоо байгуулъя гэсэн хүн бүрт хууль гаргаж өгөөд байх юм бол дахиад л замбараагүй байдал руугаа орно.

-Ерөнхий сайд ОХУ-д айлчлаад ирлээ. Хийн хоолойтой холбоотой тодорхой үр дүн гарах болов уу гэсэн хүлээлт байсан ч дорвитой шийд гарсангүй. Судлаачдын зүгээс хоёр хөрш хийн хоолойг Монголоор дамжуулах сонирхолгүй ч гэх юм.

-Яагаад.

-Товчхондоо хоёр хөрш манай улсад тийм давуу талыг өгөхгүй гэж байгаа.

-Манайхаар явах зам богино, уул намаг байхгүй, хоолой тавих зардал нь хямд учраас эдийн засгийн хувьд ашигтай юм. Богино замаар хямдхан хүргэхийг л хоёр хөрш сонирхож байгаа.

-Саяын айлчлалаар энэ асуудал хөндөгдсөн үү?

-Манайх хийн хоолойн талаар баримтлах бодлогоо Ерөнхий сайдын ярианы сэдэвт оруулаад явуулчихсан байгаа.Түүнийгээ танилцуулсан. Одоо нөгөө тал судалгаагаа хийгээд шийдвэрээ гаргах ёстой.

-Яг хэдийд ажил хэрэг болох вэ?

-Энэ өөрөө бизнес юм. Дэлхийн хамгийн их хий экспортолдог ОХУ, хамгийн том импортлогч БНХАУ руу хэдэн хийн хоолойгоор очих вэ гэдгээ л бодож байгаа болохоос биш очихгүй байх тухайгаа бодохоо больсон. “Газпром” ашгаа бодож байвал хийн хоолойг ердөө хоёр жилийн дотор л тавина. Гол нь тогтвортой байдал чухал. Украйн шиг дундаас нь хулгай хийгээд байж болохгүй шүү дээ. Түүний баталгааг л манай улс өгөх ёстой.

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулж авлаа гэх шүүмжлэл гарч, Цэц ч үүнийг нотолж шийдвэр гаргасан.Ийм нөхцөл байдалд хүртэл нь лоббидсон хүн нь таныг гэх юм. Энэ үнэн үү. Мөн Цэцийн шийдвэр гарах хүртэл багагүй хэмжээний татварын алдагдал хүлээсэн гэж байгаа. Энэ тухайд?

-АМНАТ-ийг татвар гэж ойлгодог Сангийн сайдад л хамаг учир байгаа юм. Энэ бол татвар биш. Үндсэн хуулийн дагуу ашигт малтмал нийт ард түмний өмч. Түүнийгээ олборлож байгаа компанид нь таван хувиар зардаг. Энэ оны гуравдугаар сар хүртэл зөвхөн А лицензтэй олборлогч нарын төлдөг энгийн төлбөр байсан. Харин олборлоогүй компани төлөх хууль гаргаснаас бүх юм буруудаж байгаа.Тэглээ гээд ашигт малтмалын А лицензгүй боловсруулдаг үйлдвэрүүд нэг ч төгрөг төлөөгүй, энэ төлбөрийг нь эсэргүүцээд. Сангийн сайдын ярьж байгаа АМНАТ-ийн тухай асуудал бол татвар гэдгээс үүдэлтэй туйлын буруу ойлголт. Үүнээс зугтах арга байхгүй. Тиймээс энэ төлбөр хэзээ ч зогсохгүй. Төлбөрөө төлөөгүй хүнд бараагаа зээлээр өгдөггүйтэй адил АМНАТ хуулиас болж зогсохгүй. Ямартаа ч энэ асуудлыг дараагийн Их хурал засаж залруулах байх. А лицензгүй 38 үйлдвэр хаалгаа барьсан. Д.Бямбасүрэн гуай “Малчнаас 200 мянган төгрөгөөр хонь авлаа. Гуанзан дээрээ өнөөх хониороо бууз хийж зараад 400 мянган төгрөг болголоо. Гэтэл малчин давхиж ирээд олсон ашгаас чинь би авна гэж заргалдадгүй биз дээ” гэж их ойлгомжтой тайлбарласан байна лээ.

Би Монголын баялаг эх орондоо ямар нэгэн бүтээгдэхүүн болоосой гэж лоббидож байгаа. Тухайлсан компанитай ямар нэгэн холбоо байхгүй. Тэр бол гүтгэлэг. Цагдаад өргөдөл гаргасан, гүтгэснийг тогтоовол зөрчлийн хуулиар торгох байх.

-УИХ АМНАТ-ийн тухай хуульд өөрчлөлт оруулсан шүү дээ.

-Ашигласан компаниудаас нь авна гэдэг хуучин хуулиа л сэргээсэн.

-Тэгэхээр эргээд Цэц дээр унах юм биш үү?

-МАН-тай заргалдаад нэмэргүй юм байна л гэж харж байгаа байх. Монголын А лицензгүй бүхий л ашигт малтмал боловсруулдаг үйлдвэрүүдийн хаалгыг барих бодлого явуулж байгаа бол яая гэхэв дээ. Хаахаас л биш. Ажилгүй болсон 18 мянган хүн нь л дараа нь сонголтоо зөв хийг.

-УИХ Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхлээд байна. Сонгуулийн тогтолцоог 50:26-аар явуулах эсэх дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгуулийн хуулийг эрх барьж байгаа нам өөрчлөх байх. Аль нь зөв, буруу гэж хэлэх аргагүй. Учир нь эд нар дотроо хэрэлдээд байгаа юм. Хэнийх нь тал дийлэхийг мэдэхгүй. Ер нь бол холимог тогтолцоог Үндсэн хуульдаа оруулж, гишүүдийн тоог 108 болгон, гишүүдийн хагас нь нэг мандаттай тойргоос, үлдсэн хагас нь намын жагсаалтаар сонгогддог байх саналыг Ерөнхийлөгч өгсөн боловч УИХ хүлээж аваагүй. Ерөнхийлөгчийн саналыг хүлээж аваагүй мөртлөө холимог тогтолцоог авч байгаа нь сонин. Сонгуулийн мажоритар систем нь сонгогчдын саналыг алдаатай тусгадаг буюу гээгдүүлдгээрээ алдартай. 2016 онд МАН сонгогчдын 45 хувийн саналаар УИХ-ын 76 суудлын 65-г нь буюу 85.5 хувийг авсан.Хоёр дахь сонгуулийн систем болох пропорциональ нь санал гээгдүүлэхгүй сайн талтай боловч хүний төлөө бус намын төлөө өгдөг гэдгээрээ дутагдалтай. Ийм сайн, муу хоёр системийг хослуулан холимог болгож хэрэглэх нь УИХ-д сонгогчдын өгсөн санал зөв тусгал болох учраас Монгол Улсын хувьд чухал юм. Хэдийгээр сонгуулийн үндсэн хоёр систем, түүнийг хольсон гурав дахь холимог систем байдаг боловч саналын хуудас, санал тоолох аргачлал зэргээсээ хамаараад 100 орчим болж задардаг. Энэ 100 замын алиныг нь сонгохыг мэдэхгүй. Удирдах зөвлөлийнхөө шийдвэрээр ийм зүйл хийж байгаа бол батлагдах магадлалтай л байх. Гэхдээ түүнийг нь эсэргүүцсэн олон гишүүн байгаа гэсэн. Ямартаа ч холимог болох юм бол сонгуулиас сонгуульд гардаг энэ их савлагаа багасна. Энэ төсөв дээр маш тодорхой харагдаж байгаа юм. Огт хэрэггүй зүйлд маш их мөнгө үрж байгаа. Улс орны хэмжээний том бүтээн байгуулалтад нэг ч төгрөг тавихгүйгээр өөрийнхөө тойрогт амбаар шовойлгож, тууз хайчлахыг илүүд үзэж байна.

-50:26-аар явбал намаар дулдуйдсан, тэр дундаа рейтинг өндөртэй нэгнийхээ далбаан дор нуугдсан нөхдүүд гараад ирэхгүй юу?

-Намаар дулдуйдсан хүмүүс гарахгүй байхаар ярьж байгаа юм билээ.Өргөн барихаас өмнө ярьж байсан яриаг нь сонсоход 50 хүн жижиг тойргоос сонгогдоно. Гурван тойрогтой байсан аймгууд хоёртой болно. Нам болгон 26 хүнийг жагсаана. 10 нам байлаа гэхэд 260 хүн жагсана. Нам өөр, өөрсдийн 26 хүнийг жагсаалаа гэхэд ард түмэн сонголтоороо дэс дарааллыг нь өөрчилнө. Өөрчилсөн дэс дарааллаас хувьчилж бодно.

-Хувь тэнцүүлчихээр өндөр санал авсан байлаа ч гишүүн болж чадахгүй.Энэ нь шударга бус юм биш үү?

-Тэрийг нь МАН өөрөө шийдэх ёстой байхгүй юу.

-Сонгогчдод түвэгтэй байдал үүсгэхгүй юү?

-Би Шведэд очиж сонгуулийнх нь үеэр ажигласан юм. 260 хүнийг нэг хуудсанд бичдэггүй юм билээ. Намуудын өнгөтэй цаасан дээр нэр дэвшигчдийнх нь л нэрийг биччихдэг. МАН байвал улаан, АН байвал цэнхэр ч гэдэг юм уу. Сонгогч сонголтоо хүмүүст мэдэгдүүлэхгүйн тулд өрсөлдөж буй бүх л намуудын нэр дэвшигчдийн нэрстэй цаасыг аваад бүхээгтэй ороод суучихдаг юм. Харин бүхээгт орсныхоо дараа дэмжиж буй намынхаа цаасыг аван, нэр дэвшигчээ сонгодог.

-Ардчилсан нам сонгуулийн санхүүжилтээ ил тод зарласан. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Бүх намын санхүүжилт ил тод байх ёстой. Ардчилсан нам түрүүлж ил болгосноороо шүүмжлэл хүлээгээд байх шиг байна. 76 хүн бүгдээрээ бие дааж явж байгаад гарчихдаг сонгууль байхгүй болсон.Тэдний нийтлэг сурталчилгааг явуулахын тулд зардал гарах ёстой. АН түүнийгээ олигархуудаас авахгүй байхаар шийдсэн. Харин нэр дэвшиж байгаа хүмүүстээ үүрүүлэхээр шийдсэн байна лээ. Энэ нь бодлогын хувьд зөв л дөө. Одоо АН-ын 100 сая төгрөгийг шүүмжлэхийн оронд МАН, МАХН, Иргэний зориг нам болон бүх намууд сонгуулийн зардлаа хэрхэн цуглуулах гэж байгааг анхаарах хэрэгтэй.АН-ынх ойлгомжтой. Сонгуульд оролцох гэж байгаа хүн бүр 100 сая төгрөгийн хандивыг намдаа цуглуулж өгнө. Хувиасаа өг гэсэн үг биш шүү дээ. Би нэр дэвшье гэж бодож байгаа бол “Энхболдыг УИХ-ын гишүүн болгоё гэж дэмжиж байгаа бол АН-д 100 сая төгрөгийн хандив өгнө үү, арванхоёрдугаар сарын 15-наас өмнө 40 сая төгрөгийн хандив өгнө үү” гэх хандивын арга хэмжээ явуулна гэсэн үг. Таньдаг компаниуд руугаа утасдана. Улс төрийн намын тухай хуулиар дээд тал нь компани 10 саяыг, хувь хүн нэг сая төгрөгийн хандив өгнө. Нэг сая төгрөг өгөх 40 найз, эсвэл 10 сая төгрөг өгөх дөрвөн компани олон хэрэгтэй.

-Та мэдээж УИХ-д нэр дэвшинэ байх. Хэзээ ЕТГ-ын даргын ажлаа өгөх вэ?

-Хуулиараа би ажлаа өгөхгүй ч байж болно. Улс төрийн албан тушаал, сайдтай адилхан гэсэн үг.

-Гэхдээ та сонгуулийн сурталчилгаагаа хийнэ биз дээ.

-Хийнэ. Сонгуулийн сурталчилгаагаа хийх, тойрогтоо ажиллах зэрэг олон ажлууд бий. Сонгуулийн хууль нь эхлээд ойлгомжтой гараг дээ. МАН дотроо үзэлцээд л байна. Аль бүлэглэл нь дийлэхийг харж л байя.

-Та намдаа хандиваа өгчихсөн үү?

-Арванхоёрдугаар сарын 15-наас өмнө олж өгнө. Би Ардчилсан намд Улс төрийн намын тухай хуулийн дагуу хандив цуглуулахад нь тусална. Миний оруулсан хандивыг над дээр бүртгэнэ. Хандивын бүх орлого нь шилэн, ямар компани хэн гэдэг хүн хэдэн төгрөг өгснийг мэдэх боломжтой. АН-аас бусад намууд хандиваа ил тод болгох хэрэгтэй.

-Та Өвөрхангайд нэр дэвших юм уу?

-Хаана ч дэвшиж магадгүй.

-Хэрэв сонгууль 50:26-аар явбал та жагсаалтад орохуу?

-Нам бүр ялахын тулд эхлээд тойрогтоо танигдсан рейтингтэй 50 хүнээ явуулна.26 хүн дээрээ улс даяар рейтинг өндөртэй хүнээ явуулж таарна.Аймаг, нийслэл гэлтгүй улс даяар сонгогчид таньдаг нэр дэвшигчдийг олж явуулна гэсэн үг. Зарим гишүүд зөвхөн өөрийнхөө зургаан суманд л танигдаад байна шүү дээ. Сонгуулийн систем нь тийм юм чинь. Гэтэл улс даяар таньдаг хэсэг хүн байгаад байна л даа. Холимог систем нь жижиг намуудад шаанс өгч байгаа. Гэхдээ таван хувийн босго давсан тохиолдолд.

-Эмэгтэй болон шинэ залуу улстөрчдийн боломж багасах юм биш үү?

-Эсэргээрээ шүү дээ. Нам бүр 26-гийн жагсаалтыг хийхдээ тодорхой тооны эмэгтэй, залуу улстөрчдийн төлөөллийг оруулна. Учир нь эмэгтэй улс төрч тухайн тойргоос эрэгтэй хүн шиг өрсөлдөөд гарч ирэх шаанс нь үргэлж бага. Мөнгө цуглуулах талаасаа ч тэр. Сонгуулийн чухал элемент чинь мөнгө шүү дээ. Тэр мөнгө нь хуулийн дагуу цугларч, зарцуулагдах ёстой.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гүнбилэг: Булган аймгаас 18-хан хувиар илүү хүн амтай Хэнтий гурав дахин илүү мандаттай байна

Хуульч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.


-Та сонгуулийн тойргийг тогтоосон УИХ-ын тогтоолыг Цэцэд өгчээ. Уг тогтоол хэрхэн Үндсэн хуулийг зөрчив?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх ёс гэсэн зарчмууд бий. Үндсэн хуулийн 1,6-д сонгох, сонгогдох эрхийн тухай байдаг. 2016 оны УИХ-ын 41 дүгээр тогтоолоор УИХ-ын тойрог, мандатыг хуваарилсан.

2015 оны тоогоор Булган аймаг 60 мянган хүн амтай, Хэнтий 72 мянган хүн амтай. Булган Хэнтийгээс 18-хан хувиар л бага хүн амтай байгаа юм. Улаанбаатараас бас ижил зайд оршдог. Гэтэл дээрх тогтоолоор Хэнтий аймагт гурван тойрог өгчихсөн.

Булган аймгаас 18 хувиар л их хүн амтай Хэнтий гурав дахин илүү мандаттай болчихсон хэрэг. 130 мянган хүн амтай Хөвсгөл ч мөн гурван тойрогтой байгаа юм. Энэ утгаараа сонгох эрхийн тэгш байдал хангагдахгүй байна. Сонгуулийн тухай хууль дээр хүн ам, засаг захиргааны нэгжийг харгалзана гэх үг байгаа.

Тойрог хуваарилахдаа хүн ам, засаг захиргаа, нутаг дэвсгэрийг харгалзах ёстой байх нь. Ингээд бодохоор тэгш байдал хангагдаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Сонгуулийн тухай хууль дахь дээрх заалтыг тухайн үед хараагүй, тооцоогүй байна. Тиймээс УИХ-ын 41 дүгээр тогтоолыг Цэцэд өгч байна.

Энэ бол нэг удаагийн шинжтэй, ашиглаад өнгөрдөг тогтоол биш. УИХ-ын бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд хүчинтэй байдаг тогтоол юм.

-Сонгуулийн тогтолцоог 50:26-аар явуулна гэж байна. Хэрэв энэ тогтолцоогоор явбал 50 жижиг тойргоо дахин хувааж таарна байх. Та үүнийг хэр зөв гэж үзэж байгаа вэ?

-Гурван янз байж болох нь гэж хараад байгаа юм. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хүн амын нягтаршил ихтэй газар болоод баруун, зүүн хязгаарын алслагдмал аймгууддаа хүн ам, газар зүйн байршлыг нь харгалзан үзэж тус бүр загварууд гаргах хэрэгтэй.

Төвийн болон хангайн бүсдээ ч ялгаагүй нэг загвар гаргана. Говийн бүсэд хүн амын нягтаршил бага, том газар нутагтай учир мөн нэг загвар гаргах нь зөв. Ингээд хүн амын нягтаршил нь тэдэн мянга байвал, мөн алслагдсан газар нутагт тийм хэмжээний хүн амтай бол нэг тойрог оногдоно гэх зэргээр шийдэж болно.

Миний сонссоноор Германд тойргуудын хүн ам зөрүүтэй байж болох боловч, тухайн хүн амын тооны ялгаа нь 20 хувиас ихгүй байх ёстой гэж заасан байдаг. Тэгэхээр манай улс Сонгуулийн хуульдаа сонгуулийн тойргийг хуваарилахдаа ийм зарчим баримтална гэж арга зүйг нь тодорхойлж өгөх хэрэгтэй байгаа юм.

Ингэвэл шударга болно. Тэгэхгүйгээр УИХ сонгууль болохоос өмнө тойргоо зурчихдаг. Тогтоолоо гаргахдаа дураараа шийддэг. “Чингисийн төрсөн нутаг учраас Хэнтий гурван тойрогтой байна” гэх шог яриа хүртэл гарсан байна. Ийм маягаар асуудлыг шийдэж болохгүй л дээ.

Ямартаа ч Цэц асуудлаа шийднэ. Дээрээс нь Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаа хүмүүс маань энэ асуудлыг тодорхой болгох ёстой. Тодорхой болгоод, зохицуулалтуудаа хийчих юм бол аль нэгэн нам, хүчин, хүчтэй улс төрчдийн лоббигоор дураараа тойрог зурахгүй. Нөгөө талаас нэг зүйлийг анхаарах ёстой. Одоо бол аймаг дотор тойрог зурж байгаа. Энэ нь маш буруу. Эхлээд тойргоо хийчихээд тэр дотор нь аймаг байхаар зохицуулж өгөх хэрэгтэй.

-Яагаад?

-Нэг аймгийн тойрог гэж байхгүй, харин нэг тойрог дотор зэргэлдээх аймгуудынх нь сум орж болохоор хийх хэрэгтэй юм. Ингэж гэмээнэ жалга довны үзэл арилна. Хүн амын бүтэц, газар зүйн байршлаа хараад тойргоо зурна гэсэн үг. Үүн дээрээ газар зүйч, социологич, математикчдыг оролцуулж, тэдний судалгааг үндэслэн тойргоо байгуулах юм.

Магадгүй хоёр, гурван аймгийн сумдыг нийлүүлээд нэг тойрог байгууллаа гэхэд сонгуулиа өгөхөд уул даваа давах бэрхшээл тулгарахыг үгүйсгэхгүй. Тэгвэл түүнийг нь харгалзан үзэж өөр тойрогт оруулахаар шийдэж болно. Тэгш байдлыг хангахад хамгийн хэрэгтэй юм. Зөвхөн хуульчид, улстөрчид дур мэдэн шийдэх нь өрөөсгөл.

Нөгөө талаас НҮБ-ын Иргэний ба улс төрийн эрхийн пактад Монгол Улс нэгдэж орсон. Хүний эрхийн тайлангуудад сонгох эрхийн тэгш байдал алдагдсан тухай дурдаж ирсэн байна. Бас тухайн конвенцийн тайлбарыг ч манай үе үеийн улс төрчид хэрэглэж байгаагүй.

-Сонгуулийн хуулийг арванхоёрдугаар сарын 25-аас өмнө батлах ёстой. Цэц УИХ-ын 41 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо ч Сонгуулийн хуульдаа эргэн харж амжих юм уу?

-Одоо өөрсдөө л шийдэх байх даа. Гэхдээ арванхоёрдугаар сарын 25-наас өмнө энэ хуулиа хэлэлцэх ёстой гэх нэг хэсэг байхад зарим нь тийм хууль байхгүй гэж ч яриад байгаа. Тэр бол хамаагүй. 25-наасаа өмнө шийднэ гэж зориг гаргаж байгаа бол сайн л байна. Харин тойрог байгуулдаг УИХ-ын тогтоол бол хуулийн дараа хавар тулгаж байгаад гаргадаг муу дур зоргын жишигтэй.

-Улс нэг тойргоос 26 нэр дэвшигч сонгохыг та дэмжиж байгаа юу?

-Би тэр тоолох тал дээр сайн ойлгохгүй байгаа юм. Магадгүй миний ухаан хүрэхгүй байж болно л доо. Нам бүр 26 нэр дэвшигч дэвшүүлэх юм байна. Гарсан хүмүүсийг намын гишүүнчлэлээс нь харах нь. Хамгийн их санал авснаас нь эхлээд тухайн намын нэр дэвшигчдийг хувилна гэж байгаа юм.

Хүнээр нь сонгочихоод хувь тэнцүүлнэ гэсэн үг. Энэ нь ойлгомжгүй байна. Хамгийн их санал авсан 26 нэр дэвшигч гишүүн болох нь зөв юм болов уу гэж би харж байгаа. Харин хүнээрээ дамжуулж нам сонгоно гэж заваарч яах гээд байгаа юм гэж бодох.

-Хууль санаачлагчид бол нам биш хүн сонгоно гэж яриад байгаа.

-Тийм. Угтаа Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр шууд гэдгийг хүн дугуйлна гэж тайлбарласан шүүдээ. Цагаан зүйлийг хар гэж бодъё гэж бодсон боловч тэр нь цагаан л байгаа байхгүй юу. Тэгэхээр ядмаг гэж хэлж болохуйц, хуулийнхаа зохицуулалтаас зугтсан л зүйлийг ярьж байна л даа.

Хүн зураад, тэгээд намаар нь тоолно гэж байхаар шууд нам зураад хувилахгүй баахан цаас болгож, иргэдийн сонгох эрхийг зөрчиж, толгойг нь эргүүлж залхааж яах гээд байгаа юм. Тэр шууд гэж үгийг тойрч байгаа юм гээд байх шиг. Цагаан юмыг хар гэж хэчнээн тогтсон ч, цагаан хэвээрээ байна. Хуулийг агуулгаар нь тайлбарлана. Дан сонгосон үгээр биш.

-Энэ зохицуулалтыг хийвэл эрх баригчдад ашигтай байх юм уу?

-Эрх баригчид Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг, Л.Оюун-Эрдэнэ сайдыг хүмүүс дэмжинэ, энэ хоёр их санал авбал бусад нь орж чадна гэж харж байх шиг. Оймсонд хавчуулагдана гэдэг шиг ганц, нэг хүн ороод ирэх байх гэж бодоод байгаа.

Яг үнэндээ У.Хүрэлсүх сайд одоогийнх шигээ нэр хүндтэй байхуу. Цаана нь Н.Энхбаяр, С.Ганбаатар зэрэг хүмүүс гарч ирнэ. Энэ хүмүүс чинь өчнөөн санал зулгаана. Яг сонгуулийн үеэр хэтэрхий их нэр хүндтэй хүндээ өгдөггүй л байхгүй юу. Тэр утгаараа намын даргад олон хүн санал өгнө гэж тооцвол алдаа болно. Унах магадлалтай. Энэ бол хууль зүйн асуудал биш шүү дээ. Таамаг л яриа.

-Сөрөг хүчин гэгдэж буй Ардчилсан намаас холимог тогтолцоог оруулахыг дэмжиж байгаа. Үндсэн хуульд оруулахыг ч шаардаж байсан. Энэ утгаараа Сонгуулийн хуульд тусгаж өгч байна, угтаа жижиг мажоритараараа явбал бидэнд ашигтай гэж эрх баригчдын зүгээс хэлж байна л даа.

-Тэрэнд, энэнд ашигтай гэдгийг хэн ч тааж хэлдэггүй. Сонгууль бүрийн өмнө л өөрсдөдөө ашигтай хувилбараар тоо боддог шүү дээ. Гэсэн ч ашиггүй л зүйл хийсэн байдаг. Үүнд таамаг хийх боломж байхгүй.

Холимог тогтолцоо байх ёстой гэдгийг олон нийт бол хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ холимог тогтолцоог байлгана гээд цагаан зүйлийг хар гэж бодъё гэж болохгүй. Энэ хар нь угаасаа цагаан л юм чинь гэдэг рүүгээ хуулийн тайлбар явбал Цэц дээр хүмүүс мэдээлэл гаргахыг үгүйсгэхгүй. Цэц урьдны гаргаж байсан шийдвэрүүдээ хүчингүй болгох эрхтэй байдаг. Энэ тохиолдолд Цэц яаж шийдэх вэ гэдгээс бүх зүйл шалтгаална.

Үндсэн хуулийн бус байна гэж үзэж урьдны асуудлуудыг шийдэж байсан. Тэр дундаа пропорционалийг оруулаад энэ Их хурлыг сонгочихжээ, энэ нь буруу байжээ гэсэн шийдвэр гаргасан байдаг. Энэ тохиолдолд тэр дөрвөн жил баталсан хууль, тогтоомжууд хүчингүй болох бодит аюултай. Ийм маргаан гардаг.

Хэрэв Сонгуулийн тухай хуульд оруулж буй дээрх тогтолцоогоор яваад, сүүлд нь Цэц дээр маргаан үүсээд эсвэл шийдэгдэхгүй байвал сонгуулиар хүлээн зөвшөөрөгдөж, төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж байгаа сонгогдсон гишүүдийн нэр хүндэд сөрөг нөлөөтэй.

Categories
мэдээ цаг-үе

М.Оюунчимэг: Манай нам олон суудал авахаа чухалчилсан бол жижиг мажоритараараа явах байсан

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Сонгуулийн тухай хуулийг өргөн барихаар болжээ. Ирэх 2020 оны сонгуулийн тогтолцоог 50:26 байхаар тогтчихов уу?

-Энэ долоо хоногт Сонгуулийн хуулийн ажлын хэсгүүд нь ажиллана. Уг хуулийг арванхоёрдугаар сарын 25-наас өмнө батлах хуультай. Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх болсон хэд хэдэн шалтгаан бий. Иргэд, холбогдох албан байгууллагуудаас уг хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн, парламентын, орон нутгийн сонгуулийг тус тусад нь явуулах нь зүйтэй гэх саналыг ирүүлсэн. Энэ нь Сонгуулийн хуулийг өөрчлөх зайлшгүй нэг шалтгаан. Хоёрдугаарт, жижиг мажоритар байх нь зөв гэж нэг хэсэг нь хэлж буй. Тиймдээ ч Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоо мажоритар байна гээд заачихсан. Тэр ч утгаараа 50:26 байх нь хууль зөрчих юм биш үү гэдгийг зарим гишүүд хэлж байна лээ.

-Ингэж холимог байлгахаар шийдсэн нь ямар учиртай юм бэ?

– Ерөнхийлөгч, Ардчилсан нам, МАН-ын зарим гишүүдийн зүгээс ч энэ саналыг дэмжиж байгаа. Бүгд жижиг тойрогт хуваагдчихаар төсөв, мөнгөний бодлого хэлэлцэх үед жалга довны үзэл ихээр гарч байна гэдгийг хэлж байгаа юм. 50-хан хүнтэй суманд 500 хүүхдийн цэцэрлэг, сургууль барих зэргээр шаардлагагүй хөрөнгө оруулалт хийж байгаа нь ч шүүмжлэл дагуулдаг. Гэтэл Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хэрэгцээ хомс байх жишээтэй. Энэ мэт санхүү, эдийн засаг, хөгжлийн бодлого талаасаа алдаа, завхрал гарч байгаа юм. 50:26-гаас гадна 60:16 гэж ч ярьж байгаа. Нэг хэсэг нь улс орны хэмжээний томоохон төсөл хөтөлбөр, бодлогод анхаардаг байх. Тойргоос сонгогдсон гишүүд нь тойрогтоо анхаарлаа хандуулахаас гадна улс орны алсыг харсан бодлогод ч санаа тавих учиртай. Ингэхгүй бол улс орны хөгжилд дэмтэй том бодлого хэрэгжихгүй нь гэдгийг бид хаана хаанаа харлаа шүү дээ. Энэ агуулгаар энэхүү тогтолцоог санал болгож байгаа.

Энэхүү тогтолцоог холимог мажоритар гээд байгаа юм. Намын нэрээр бус хүн дугуйлдаг байна. Үүнд болохгүй гэх зүйл байхгүй.

Тойргоос сонгогдсон гишүүний хувьд би амласан амлалтуудаа биелүүлж, тултал нь сайн ажиллаж байгаа. Манай тойрог Чингэлтэй тойргийн гэр хороололд байдаг. Улаанбаатарын агаар, хөрсний бохирдол, нийгмийн эмзэг асуудал тэнд байгаа учраас асуудлыг нь шийдэх зайлшгүй шаардлагатай. Дэд бүтэц бий болгож, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ёстой. Ямартаа ч хийсэн ажлын дүнд хүүхдийн өвчлөл буурч, сургуулиуд гурван ээлжгүй болж, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэн. Энэ утгаараа тойрогт өрсөлдөхөд бэлэн. Үүнээс болгоомжлоод айгаад байх зүйл байхгүй. Гэхдээ бид улс орноо бодох ёстой. Бид нэг л улсад амьдарч байгаа. Бидэнд цэвэрлэх байгууламжаа шийдэх, агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллыг байшин хороолол болгох, дэд бүтэц татах, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн цогц асуудлыг шийдэх шаардлага зайлшгүй байгаа юм.

-Сонгуульд өрсөлдөж байгаа нам бүр 26 нэр дэвшүүлэх юм уу. Сонгогчдод тэр олон нэрээс сонгоход хүндрэлтэй байдал үүсэх юм биш үү?

-Хүмүүс ч тэр талаар хэлж байгаа. Сонгогчид өөрсдийнхөө талаар сайн мэдээлэл, тайлбар өгөхгүй бол хэцүү л дээ. МАН-ын 26 байлаа гэхэд нэгийг эсвэл гурвыг дугуйлах эсэх талаар Удирдах зөвлөл, МАН-ын бүлгийн хурал дээр ч ярьсан. Энэхүү тоон дээр хүртэл маргаантай асуудлууд гарсан. Тиймээс ажлын хэсэг дээр мэргэжлийн хүмүүс сууж ярилцан тодорхой болгох юм. Эхлээд дүрмээ тодорхой болгоод дараа нь бүлэгээрээ энэ асуудлыг оруулж, 50:26, эсвэл 76 мажоритараараа явахаа шийдье гэж байгаа. Гэхдээ хуулиа өргөн барихдаа 50:26 гэдгээрээ өргөн барья гэж бүлгийн гишүүдийн олонх нь үзсэн. Үүнийг маш тодорхой болгох хэрэгтэй. Дээрээс нь жижиг намууд хэрхэн авч үзэх вэ гэдэг нь сонин. Энэ мэт маргаантай асуудлууд бий. Үнэхээр улс орны бодлогыг авч явах туршлагатай хүмүүс байх уу, эсвэл нөгөө л намын нэр ард нуугдан олон жил УИХ-д гарсан хэрнээ хийсэн бүтээсэн хомс хүмүүс байх юм уу гэдэг дээр ч ярьж байна. Болгоомжлол байна. Би ч үүн дээр байр сууриа илэрхийлсэн. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зүгээс ёс зүйтэй, хариуцлагатай, бодлогын асуудлаа аваад явж чадах, нэр цэвэр хүмүүсээ нэр дэвшүүлнэ гэдэгээ хэлж байгаа юм.

-Эрх баригчдад тоглоомын дүрмээ сонгох боломж бий. Тэр утгаараа энэхүү тогтолцоо нь эрх баригчдад ямар ашигтай байна вэ?

-Намын ялалтаа урдаа барьж бид ирэх сонгуульд эрх баригч болчих юмсан гэх хүслээ нэн тэргүүнд тавихгүй байх гэж бодож байна. Өнөөдөр баян, хоосны ялгаа маш их болсныг хэн хүнгүй ярьж байгаа. Цөөн хэдэн гэр бүлийн мэдэлд байгалийн баялаг нь байдаг, иргэдийн 50-иас доош хувь нь амьжиргааны дунджаас доош түвшинд орчихсон. Олон жил ярьсан газрын тос боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж нь ажил хэрэг болоогүй. Агаар, хөрсний бохирдол ихтэй, эмнэлэг, сургуулийн хүртээмж нь муу, гэсэн хэрнээ авлигын хэргүүд ар араасаа гардаг. Бид энэ бүхнийг зоригтой гаргаж тавьж, нийгмээ цэвэршүүлээд цааш явах ёстой. Ингэхийн тулд бид намын эрх ашиг гэхээсээ илүү улсын эрх ашгийг харах хэрэгтэй юм. Энэ утгаар нь хандаж байгаа гэдгийг ч Ерөнхий сайд хэлж байсан. Би ч үүнтэй санал нэг байгаа.

Манай нам олон суудал авахаа чухалчилсан бол жижиг мажоритараараа явах байсан. Энэ нь илүү боломжтой байсан. Учир нь өнгөрсөн дөрвөн жилд хөрөнгө оруулалт сайн байж, гишүүд сайн ажилласан гэдгээ хэлж байгаа юм. 50:26 гэх энэхүү холимог мажоритар нь “савахад” амархан шүү дээ гэдгийг ч зарим нь хэлж байгаа. Нөгөө талаасаа Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхэд Их хуралд суудалтай намууд оролцох ёстой. Жишээ нь, Ардчилсан намын зүгээс өөрийн байр сууриа илэрхийлж оролцох ёстой шүү дээ. Харин тус намаас холимог тогтолцоог оруулбал л дэмжинэ гэдгээ илэрхийлж байгаа. Тиймээс маш сайн тунгааж, хуулийн дагуу Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх байх гэж бодож байна.

-Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө “Капитал”-ын дампуурлаас болж ор сураггүй алга болсон гэгдэж буй. Банк дампуурлаа ч нэн тэргүүнд төрийн мөнгийг гаргаж өгөх ёстой. Энэ удаад энэ жишиг алдагдчихав уу. Тэрхүү хөрөнгийг хэрхэн олж авах вэ?

-Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө бол ард түмний мөнгө шүү дээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлж байгаагаар 2013-2016 оны хоорондох НДС, ЭМДС-гийн 300-гаад тэрбум төгрөгийн асуудал байгаа юм билээ. Энэ мөнгийг эргүүлж төлүүлж, НДС-д нь буцаах ёстой гэдгийг бид хатуу хэлж байгаа. Ялангуяа Өргөдлийн байнгын хорооноос үүнд хатуу байр суурьтай байгаа юм. Иргэдээс ч хүсэлт ирсэн. Энэ асуудал хууль хяналтын байгууллагад ч шилжсэн. Сангийн сайд ч өөрөө энэ тухай ярьж байсан. Тиймээс энэ асуудал дээр ажиллаж байгаа байх гэж бодож байна. Мэдээж энэ санг хоосолчихоод иргэдийн цалин, тэтгэврийг тавихгүй байна гэж байхгүй. Ажил явдгаараа явж байгаа. Цаашид энэ мэт төрийн мөнгийг байршуулахдаа Монголбанкнаас гаргасан арилжааны банкуудын шалгуурыг анхаарч үзэх хэрэгтэй. Энэ талаар ч бид Нийгмийн бодлого, Өргөдлийн байнгын хорооноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт ч үүрэг өгчихсөн.


Categories
мэдээ цаг-үе

Б.Анхбаяр: Хонконгийн тэмцэгчид аНУ, БНХаУ хоорондох худалдааны дайныг далимдуулж ардчиллын орон зайгаа өргөжүүлэх мөрий тавьж байна

– ХОНКОНГ НЭГ УЛС, ХОЁР СИСТЕМЭЭР ЯВАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ –

ШУТИС-ийн багш, Хятад судлаач Б.Анхбаяртай ярилцлаа.


-Хонконгийн жагсаалыг эхлүүлсэн оюутнуудын зорилго нь юу байв. Мөн тэрхүү зорилго нь өнөөдөр юу болж хувирчихав?

-Оюутнуудын гэхээсээ илүү Хонконгийн нийт ард иргэдийг хамарсан бослого, хөдөлгөөн болсон. Бослого, хөдөлгөөн 2018 онд болсон ялтан шилжүүлэх үйл ажиллагаатай холбоотой. 2018 оны хоёрдугаар сард Хонконгийн хос Тайваньд аялаж явахдаа нэгнийхээ амийг бүрэлгэчихсэн. Тодруулбал, залуу нь найз бүсгүйнхээ амийг егүүтгэчихсэн. Хэрэг явдал Тайваньд гарсан учир Хонконгийн цагдаа тэрхүү залууг байцаах боломжгүй байсан. Үүнээс үүдэлтэйгээр тэрхүү залууг ял завших нь гэх яриа гарсан. Тайвань нь Хятадтай ялтан шилжүүлэх гэрээтэй. Хэрвээ Хонконг, Тайвань хоёр ялтан шилжүүлэх гэрээ хийчихвэл Хонконг автоматаар эх газартай гэрээ хийж таарна. Хонконгийн батлан хамгаалах, цэрэг зэвсэг, гадаад бодлого нь Хятадын эрх мэдэлд байдаг. Хууль, эдийн засгаа Хонконг өөрөө засагладаг. Энэ утгаараа ялтан шилжүүлэх гэрээ хийх нь Хонконгийн хууль эрхзүйн бие даасан байдалд халдсан явдал болно гэж ард иргэд үзсэн юм. Хонконгийн иргэдийн дунд нэг болгоомжлол байдаг. Тэр нь Бээжингийн эрх баригчдын зүгээс гэмт хэрэгтэн гэж үзсэн Хонконгийн иргэнийг Хятадын эх газар шилжүүлэн аваачиж шүүх вий гэх болгоомжлол юм. Тийм ч учраас энэхүү ялтан шилжүүлэх үйл ажиллагаан дээр олон нийтийг хамарсан томоохон хэмжээний эсэргүүцэл үүссэн юм. Энэхүү асуудлыг энэ оны гуравдугаар сараас тавдугаар сар хүртэл дотооддоо, парламентынхаа түвшинд хэлэлцсэн. Улмаар зургадугаар сарын 9, 15-нд албан ёсны томоохон жагсаалууд болсон. Энэ жагсаал анхандаа бүх насныхныг хамарсан үйл явц байв.Зургадугаар сарын 15-16-ны хооронд болсон жагсаалд хоёр сая хүн оролцсон.

-Энэ үед жагсагчдад ялтан шилжүүлэхээс өөр шаардлага байгаагүй хэрэг үү?

-Долдугаар сарын үед хэд хэдэн шаардлагыг нэмж тавьсан. Ялтан шилжүүлэхээ боль, бид хүч хэрэглээгүй учир самуун дэгдээгчид гэж битгий нэрлэ, цагдаа нар хэт их хүч хэрэглэж байгааг болиул, цагдаа нарыг шалга, баригдсан хүмүүст ял зэм өгөхгүйгээр сулла, чөлөөт сонгууль явуул гэж шаардсан. Чөлөөт сонгууль явуулахын тулд 70 гишүүнтэй Хонконгийн парламентыг тараана гэсэн үг. Энэ шаардлага нь 2014 онд Хонконгд өрнөсөн Шүхэрт хувьсгалын тавьсан шаардлага байсан. Тэд өөрсдийнхөө Засаг захиргааны тэргүүнийг чөлөөт сонгуулиар сонгоё гэж шаардаж байсан юм. 79 хоног үргэлжилсэн ч тэрхүү хувьсгал бүтэлгүйтэж, хонконгчууд санасандаа хүрч чадаагүй.

Ерөнхийдөө долдугаар сараас эхлээд энэ удаагийн жагсаал, цуглааны хууль ёсны шинж чанар алдагдаж эхэлсэн. Хонконгийн эрх чөлөөгөө илэрхийлж байгаа тайван жагсаал уу эсвэл үймээн самуун дэгдээх үйлдэл үү гэх асуулт гарч ирсэн. Үүнээс ч үүдэн жагсагчдын хоёр, гуравдугаар шаардлагууд урган гарч ирсэн хэрэг.Хонконгийн Засаг захиргаа дээрх шаардлагуудыг гарахын өмнө цуглааныг зогсоосон бол ингэтлээ даамжрахгүй байсан болов уу гэж хувь судлаачийн зүгээс харж байна. Бээжингийн болон Хонконгийн Засаг захиргаанаас тэдний нэгдүгээр шаардлагыг л хүлээж авах байх. Бусдыг нь хүлээж авах боломжгүй.

-Яагаад?

-Жагсаал, цуглааны үйл явц, шаардлагууд нь нэг улс, хоёр системээс давсан шинж чанартай болж ирсэн учраас тэр. Тиймдээ ч Хятадын, Хонконгийн Засаг захиргаа ямар нэгэн байдлаар буулт хийх үндэслэлгүй болчихсон.

-Дээрх шаардлагууд бол ил харагдаж байгаа зүйлс. Хонконгчуудыг ингэж нэгдэн жагсах цаад гол шалтгаан нь юу байв?

-Нэгдүгээрт, Хонконгийн дотоодод эдийн засаг, нийгмийн асуудал хүнд явж ирсэн. Тэнд байрны үнэ маш өндөр хэрнээ орлого маш бага. Хонконг доллар манайхаар 345 төгрөгтэй тэнцэж байна. 20-иод жилийн өмнө дөнгөж сургуулиа төгссөн залуу 25 мянган хонконг долларын цалин авч байсан бол энэ нь өнөөдөр 28 мянгад л хүрсэн. Гэтэл байрных нь үнэ сүүлийн 10 жил 207 хувиар өсчээ. 2017 оны судалгаагаар Хонконгийн нийтийн өрхийн 50 хүрэхгүй хувь нь л өөрийн гэсэн орон сууцтай гэсэн судалгаа байдаг. Хонконгт 40 мкв-аас доош хэмжээтэй байр 22 мянган ам.долларт хүрдэг. Жирийн цалинтай хүн тэр их үнэтэй байрыг авна гэдэг тун хүнд. Уг нь бол 40 мкв-аас доош хэмжээтэй байр нь иргэдийн байрны асуудлыг шийдэхэд тустай. Хэдий тийм ч Хонконгт газар хомс. Газрыг нь ихэвчлэн мөнгөтэй хүмүүснь худалдаж аван, түүндээ мкв томтой байр барьж өндөр үнээр зарахыг илүүд үздэг. Хонконгийн бизнес, улс төрийн бүлэглэлүүд газрыг залуус руугаа, нийгмийнхээ хэрэгцээнд чиглүүлээгүй учраас гол бухимдал нь тэнд хуримтлагдсан гэж харж болно. Хоёрдугаарт, эдийн засгийнх нь давуу чанар Хятадын эх газрын хөгжлөөс нэг их ялгарахааргүй болж байсан ч энэ байдал өөрчлөгдсөн. 1997 онд Хонконг Хятадын ДНБ-ий 18.4 хувийг эзэлж байсан бол энэ тоо өнөөдөр 2.7 хувьд хүрч буурсан. Хятад өөрөө хөгжиж байгаа учир Хонконгийн давуу чанар үгүй болж байгаа юм. Хонконг хүмүүсийн бид эх газраас илүү гэсэн давуу чанар байхгүй болж байна гэсэн үг. Бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, бие даасан, ардчилсан шинж чанартай гэх давуу байдал л үлдсэн. Гэсэн ч энэ давуу талаа алдаж байна гэдэг айдас бие болоод байгаа. Дээрээс нь Ардчилсан Хонконг болон коммунист засаглалтай, нэг намтай Хятад хоёр хэрхэн уусах вэ гэдэг зөрчил орж ирж байгаа. Энэ бол зайлшгүй гарч ирэх ёстой нөхцөл юм.

-Олон улсад энэ үйл явдлыг хэрхэн харж байна вэ?

-Долдугаар сарын сүүл хүртэл Хятадаас огт мэдэгдэл хийгээгүй, зөвхөн Хонконгийн Засаг захиргаа л оролцож байсан. Харин нэг улс, хоёр системээс хэт хальсан шаардлагууд гарч ирсэнтэй холбоотойгоор долдугаар сарын 29-нд Хятадын Засгийн газрын Хонконг, Макаог хариуцсан алба анхны мэдэгдлийг хийсэн.

Жагсагчид түргэний тэрэгт зам тавьж өгч байгаа бичлэг нь ч цахим ертөнцөд тарсныг та бүхэн харсан болов уу. Энэ үйлдлээрээ тэд “Бид тайван замаар үзэл бодлоо илэрхийлж байна” гэдгээ олон улсад харуулсан. Тиймдээ ч барууны хэвлэлүүдээр Хонконгчуудыг ардчилсан байдлаар, тайван замаар жагсаал цуглаан хийж байгаа хэмээн мэдээлж байсан юм. Харин Хятадын төв хэвлэл, бусад мэдээллийн хэрэгслүүдээр тэднийг үймээн самуун дэгдээгчид гэж мэдээлсэн. Энэ мэтчилэн барууны болоод Хятадын хэвлэлүүд дунд мэдээллийн дайн өрнөсөн гэхэд болно.

-АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Хонконгийн ардчилал ба хүний эрхийг хамгаалах тухай”, мөн цагдаагийн тодорхой хэрэглэлийг Хонконгт нийлүүлэхийг хориглосон хуульд гарын үсэг зурсан. Энэ тухайд?

-Д.Трампын хувьд үүнд оролцохыг хүсээгүй юм. Зургадугаар сард АНУ, БНХАУ-ийн төрийн тэргүүнүүд уулзсан. Энэ үед Д.Трамп “Энэ бол Хятадын дотоодын асуудал. Би оролцохгүй” гэж байсан. Наймдугаар сард олон улсын шинж чанартай болоод ирэх үед нь “Хятад өөрөө зохицуулчих байх. Гэхдээ анхаарах хэрэгтэй” зэргээр байр сууриа илэрхийлж, оролцож эхэлсэн. Учир нь наймдугаар сарын 10, 11-ний үед Хятадын арми Хонконг дахь цэргээ сольсон. Энэ үед цэрэг оруулах нь гэх айдас гарч байсан ч, хятадуудын зүгээс цэрэг солих л үйл явц, битгий томруулж хар гэсэн. Харин жагсаал улам хурцадмал болоод ирэх үед АНУ-ийн конгресс, сенатаас Д.Трампыг шахаж эхэлсэн. Д.Трамп гарын үсэг зурахгүй байлаа ч сенат гуравны хоёроор дээрх хуулийг баталчих боломжтой л доо.

Энэ хуулийг дэмжсэнээр Хонконгийн хүний эрхийн ардчиллын акциар дамжуулж гаалийн тусгайлсан эрхтэй байх эсэхийг нь Хонконгийн хүний эрхийн нөхцөлийг зөрчиж байгаагаас нь хамаараад АНУ-ын Засгийн газарт хориг тавих эрхийг нь өгчихөж байгаа юм. Мөн Хууль эрх зүйг хамгаалах хуульд гарын үсэг зурсан. Энэхүү хууль нь нулимс асгаруулагч хийг экспортлох болон олон нийтийг хорьж саатуулах технологийг хязгаарлах хууль юм. Хонконгийн асуудалд АНУ, БНХАУ зөрүүтэй байр суурьтай байгаа ч хоёр их гүрний ерөнхий харилцаа үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Энэ бол энэ хоёр гүрний ам муруйдаг зүйлсийн зөвхөн нэг хэсэг нь. Худалдааны хэлэлцээ, хоёр орны харилцаа цаашид явах замаараа л явна. Учир нь Д.Трамп улиран сонгогдохын тулд худалдааны хэлэлцээг хийхээс өөр гарцгүй.

-Хонконгт болсон дүүргийн зөвлөлийн сонгуульд ардчиллын төлөө тэмцэгчид 10 гаруй суудал авч чадсан. Ингэснээр тэд Хонконгийн эрх баригчдадаа нөлөөлж чадах уу. Энэ нөхцөл байдал тэдэнд юу авчрах вэ?

-Арваннэгдүгээр сарын 24-нд сонгууль болохыг жагсаалын өмнө, оны эхэнд шийдчихсэн байсан юм. Гэхдээ болж байгаа үйл явцтай холбогдож ирсэн л дээ. Үүнийг Хонконгийн ардчилагчид, АНУ-ийн Засаг захиргаа ардчиллын талаарх урьдчилан явагдсан бүх нийтийн санал асуулга гэж дүгнээд байгаа. Тус сонгуулиар ардчиллын төлөө тэмцэгчид Хонконгийн 18 дүүргийн 17-д нь ялалт байгуулсан. Гэхдээ энэ нь манайхаар тухайн хотхон, дүүргийн л төлөөлөгчийн сонгууль юм. Бүс нутгийн шинж чанартай, бодит эрх мэдэл байхгүй л сонгууль гэсэн үг.

-Энэ сонгуулийн үр дүн тэдэнд ардчиллыг авчирсан хэрэг биш байх нь ээ?

-Энэ сонгуулийн үр дүн тийм чухал нөлөөтэй биш. Сонгуулийн үр дүн Хонконгчуудыг ямар санал бодолтой байгааг харуулж байгаа ч тодорхой үр дүн авчирч чадахгүй. Хонконгийн засаглалд ямар ч нөлөө байхгүй. Ерөнхийдөө эцсийн дүндээ Хонконгийн эрх баригчид өөрсдөө хохирогч юм. Тэд АНУ, БНХАУ хоёрын хооронд өрнөж буй худалдааны дайнаар далимдуулж өөрсдийнхөө ардчиллын орон зайг өргөжүүлэх мөрий тавьж байгаа юм. Энэ мөрийгөө алдах юм бол тэд Хонконгийнхоо байр суурийг алдана. Хонконг олон улсын худалдааны төв гэсэн статусаа алдах юм бол Хятадын жирийн нэг хотоос ялгагдахааргүй болно.Тиймээс хонконгчууд хэт савнаас хальсан бодлого гаргах нь эрсдэлтэй. Нөгөө талаар сая АНУ-ийн зүгээс тавьж буй гаалийн тусгай бүсийг эргэж харах зэрэг нь Хонконгийн эдийн засаг зэрэгт сөргөөр нөлөөлөх юм. Хонконгийн тэргүүн баян “Засгийн газар нь залуучуудаа уучлаад, залуучууд нь ерөнхий нөхцөл байдлаа харъя. Бид ирээдүйгээ алдах гээд байна” гэж хэлсэн байна лээ. Тэртэй тэргүй Хонконг нэг улс, хоёр системээр явах нь ойлгомжтой. Жагсагч залуучууд энэ дүрэм өөрчлөгдөхгүй гэдгийг ойлгохгүй байна.

-Жагсагчдад энэ нөхцөл байдалтай нүүр тулахыг хүсэхгүй байгаа байх л даа?

-Жагсагч оюутан залуус нөхцөл байдалтай нүүр тулахгүй байгаа нь үнэн. Үүнийгээ ч тэд илэрхийлж байсан. 2014 онд болсон Шүхэрт хувьсгал амжилт олоогүйн нэг шалтгаан нь жагсагчид хоорондоо маргалдсан явдал байсан. Эвээр эсвэл хүчээр асуудлаа илэрхийлэх гэдэг дээр санал нийлээгүй гэсэн үг. Эвээр саналаа илэрхийлэгчид нь жагсаалд оролцохоо больсон учир аажимдаа тарсан. Одоогийн жагсаал анх массыг хамарч байсан. Хэдий дэмжиж байгаа ч одоо хүмүүс залхаж эхэлсэн. Одоо хэт экстремүүд нь л үлдсэн. Тиймээс энэ үйл явц зогсохоос өөр арга байхгүй.

-Хятадын зүгээс цаашид ямар арга хэмжээ авах бол. Та юу гэж харж байна вэ?

-Хятадын төв Засгийн газраас одоогийн Хонконгийн эрх баригчдыг дэмжсэн бодлогоо үргэлжлүүлнэ гэдэг нь ойлгомжтой. Арваннэгдүгээр сарын эхээр Си Зиньпин Хонконгийн Засаг захиргааны тэргүүнтэй уулзах үеэрээ ч энэ тухай мэдэгдсэн байдаг. Цаашид жагсаал цуглааныг юун түрүүнд намжаах алхмыг хийх болов уу. Хонконгийн эрх баригчид хотууддаа үүсээд байгаа эдийн засаг, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авч ажиллана. Мөн Хонконгийн ард иргэдийн дэмжлэгийг авсан ардчилсан хүчнүүдтэй зөвшилцөх үйл ажиллагаа явуулна байх гэж харж байна. Мэдээж энэ үйл ажиллагаа нэг улс, хоёр системийн хэм хэмжээнд, түүний хүрээнд явагдана. Нэг улс, хоёр системээс хальсан шаардлага тавьбал тэр нь биелэгдэх боломжгүй. Хятадын Засаг захиргаа өөрсдийн итгэл хүлээлгээд буй Хонконгийн Засаг захиргаа, эрх баригчдаар дамжуулж л үйл ажиллагаагаа явуулна байх. Хятадын Засгийн газрын зүгээс энэ үйл ажиллагаанд шууд оролцохгүй байх. Оролцвол олон улсад муухайгаар харагдах учир хятадууд ч үүнд анхаарна гэж бодож байна.


Categories
мэдээ цаг-үе

У.Даш: Дорнод аймаг хөгжлийн боломжоо хангалттай ашиглаж чадахгүй байна

Дорнод аймгийн Ардчилсан намын дарга У.Даштай ярилцлаа.


-Эдийн засагч хүний тань хувьд юун түрүүнд төсөв санхүүтэй холбоотой асуултаар яриагаа эхэлье. Саяхан УИХ-аар 2020 оны төсөв батлагдлаа. Дорнод аймгаас сонгогдсон гишүүд хангалттай хэмжээний төсөв суулгаж чадсан уу?

-Иргэд манай гишүүн аймагтаа тэдэн төгрөгийн төсөв тавиулжээ, энэ нь их, бага гэхчлэн ярьдаг. Үүнийг би хувь хүний зүгээс буруу ойлголт, буруу хандлага нэгэнт тогтсон байна гэж боддог. Өнөөдөр гишүүд сонгогдсон тойрогтоо улсын төсвөөс ахиухан санхүүжилт тавиулахын төлөө лобби хийдэг нь илэрхий. Гэтэл манайх чинь нэгдмэл улс шүү дээ. Холбооны улс шиг л аймаг бүсээрээ талцаад төсөв мөнгөө тойрог гэж хуваасаар байгаа нь сонгуулийн тогтолцоотой шууд холбоотой юм. Хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөгөө, томоохон хөтөлбөр хэрэгжүүлж улс орны нийтлэг эрх ашгийн төлөө ажиллахад энэ байдал хамгийн их тээг болж байна. Сонгуулийн тойргоо малласан, дараагийн сонгуульд нэр дэвшихээ бодож тойргоо усалсан байдал дахиад л үргэлжлэхээр болж байгаа нь харамсалтай байна. 2020 оны төсөв улстөржилтийн, сонгуулийн төсөв болчихсон гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Манай аймаг УИХ-ын хоёр тойрогтой. Нийтийн жишгээр манай гишүүн тойрогтоо хичнээн төгрөгийн төсөв тавиулчихав гээд харах юм бол туйлын хангалтгүй л дээ. Нутаг залгаа Хэнтий аймагт л гэхэд манай төсвийг тав, зургаа нугалахаар хэмжээний төсөв тавигдсан. Том утгаар нь харвал барьцаад байх юм байхгүй. Хэнтий, их хааны өлгий нутгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгох зорилгоор ийм их хэмжээний төсөв тавьсанд харин ч баярлах хэрэгтэй. Энэ чинь л хөгжлийн алсын хараа. Гэхдээ улс орноороо санхүү, эдийн засгийн хүндрэлтэй тулж байгаа энэ цаг үед зөв шийдвэр байсан уу гэдэг нь бодох асуудал.

Ерөнхийдөө улсын төсөв урьд байгаагүй хэмжээгээр алдагдалтай батлагдлаа. Улс төрийн эдийн засаг гэж тусдаа ойлголт бий. Энэ нь сонгодог эдийн засгаасаа тусдаа ойлголт. Улс төрийн эдийн засаг нь тухайн орны бизнесийн орчинд, макро орчинд төсөв, мөнгөний бодлогоороо дамжуулж ямар мэссэж өгөх вэ, тэр мессэжийг авсан гадаад дотоод орчин ямар хариу реакц үзүүлэх вэ? гэдгийг урьдчилан тооцож хэрэгжүүлэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн улс төсөв батлахдаа хичнээн хэмжээний алдагдалтай батлав, ямар орлогууд давж орж ирнэ гэж үзэж тэрхүү төсвийг тавив гэдгээс шалтгаалж ирэх хоёроос гурван жилийн эдийн засаг, бизнесийн орчны хариу реакц харагдаж байдаг. Энэ урьдчилан тооцох боломжгүй хариу реакцийг төсвийн, сангийн бодлогоор тохируулдаг. Улс төрийн эдийн засгийн онолын үүднээс хөрөнгө оруулагчид эдийн засаг хямрах нь, их хэмжээний өр, төлбөр төлөх нь гэж харж байгаа. Гэтэл энэ хүлээлт дээр асар их хэмжээний алдагдалтай төсөв батална гэдэг бол “Гал дээр тос нэмсэн”-тэй адил болж байна. Гадаад орчны хүлээлт ийм байгаа үед аль болох төсвийн алдагдал бага байж, “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх” хэрэгтэй юм. Төсвийн алдагдал бага байснаараа ирэх жил төсөв, санхүүтэй холбоотой хүндрэлгүй, тодорхойгүй шийдвэр гаргалтууд үүсэхгүй нь гэж үзэж, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид эерэгээр хүлээж авдаг.

-Дорнод аймагт сүүлийн 20-иод жилийн турш МАН эрх барьж ирсэн. Сөрөг хүчний намын даргын зүгээс орон нутагт үүсч буй асуудлуудын талаар дурдаач?

-Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд баг, сумаасаа эхлээд л тэр аяараа хийрхсэн, талцсан улстөржилт л явж ирлээ. Нутаг орны хөгжил, үзэл баримтлал, үнэт зүйл гэхээсээ илүү эрх ашгаараа талцдаг. Энэ нь эргээд тухайн сум орон нутгийн хөгжилт чөдөр, тушаа болж байна. Улстөржилтөөс болж ганцхан Дорнод аймгийн гэлтгүй шүү, хөдөө орон нутаг, аймаг, сумын түвшинд нийтээрээ төрийн үйлчилгээний чанар суларч, нийгмийн амьдрал завхарч байгааг онцлох нь зүйтэй. Ойроос харж, зовинож байгаа хүний хувьд төрийн албыг улстөржүүлэх байдлыг л таслан зогсоож тогвортой, мэргэшсэн байлгах нь чухал гэж үздэг.

-Улстөржилтөөс болж ямар алдаа завхралууд гарч байгаа талаар тодруулаач?

-Наад зах нь суманд мэргэшсэн, чадвартай боловсон хүчнийг дэмжихийн оронд хамгийн олон хамаатан, садантай хүнийг л томилж байна. Яагаад гэвэл сонгуулиар даргад санал хэрэгтэй учраас шүү дээ. Энэ улстөржилтөөс үүдэлтэй завхрал биш үү. Аймгийн удирдлага, намын удирдлагад таалагдахгүй бол аль ч сумын засаг даргыг ээрч, тойруулж байгаад л огцруулчихдаг боллоо. Өөрөөр хэлбэл, нутгийн өөрөө удирдах байгууллагын хуулиар, Үндсэн хуулиар олгогдсон эрх хэмжээ гэж зүйл үгүй болж байна. Сумын Иргэдийн нийтийн төлөөлөгчдийн хэдэн хүнийг ааглаж байгаад л сумыг бужигнуулдаг байдал хавтгайрч байна. Дарга нар өөрсдийгөө рекламдахын тулд намаржин наадам хийж, овоо хэссэний горыг иргэд амсаж байна. Эмнэлэг нь халаалтгүй, хөлдүү, их эмчгүй сум ч байна. Энэ бол бодлого алдагдсаны шинж.

-Дорнод аймагт нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал нь таныхаар юу байна вэ?

-Дорнод аймаг хөгжлийн боломжоо хангалттай сайн ашиглаж чадахгүй байна. Хөгжлийн боломж гэдэгт газар зүйн байрлал, дэд бүтэц зэрэг олон зүйл хамаарна. Дорнод аймаг БНХАУ, ОХУ-тай зэрэг хиллэдэг, хилийн олон боомттой. Худалдаа эдийн засаг, олон улсын тээвэр ложистикийн ач холбогдол бүхий байршилтай аймгийн хувьд хөгжлөө илүү түвшинд гаргах боломжтой юм. Ерөнхий утгаараа ийм. Бүр тодорхой ярих юм бол бид Чойбалсан хотыг худалдаа, эдийн засгийн, олон улсын тээвэр ложистикийн коридорт нэгдүүлэх бололцоо бий. Энэ боломжийг ашиглаж, санаачилга гаргаж, улс орны хэмжээнд асуудлыг тавьж чадахгүй байгаа нь аймаг, орон нутгийн удирдлагуудтай холбоотой. Мөн манай аймгаас сонгогдож байгаа УИХ-ын гишүүдийн хөгжлийн бодлогыг харж байгаа өнцөг хэт явцуу, сэтгэл дутаж байгаатай холбоотой юм. Хоёрдугаарт, Дорнод аймаг дэд бүтцийн хувьд маш том давуу талтай. Эрчим хүчний эх үүсвэр байна. Станц одоо хүчин чадлаа 100 хувь ашиглаж байна. Станцын өргөтгөлийн санхүүжилт 2020 оны улсын төсөвт суусан. Өмнөхүүд шиг тууз хайчилсан нээлт л битгий болчихоосой гэж хүсэх байна. Хэрэв ажил хэрэг болчихвол Дорнодын ард түмэн, цаашлаад бүс нутгийн хөгжилд чухал нөлөөтэй юм. Дорнод аймагт адуун чулууны нүүрсний орд гэж бий. Энэ хүрэн нүүрсний ордыг түшиглэж манай цахилгаан станц байгуулагдсан. Адуунчулуун ХК олон нийтийн компани. Ардуунчулуун ХК-ийн талбайн нөөц дууссан, лицензийн маргаантай байна. Өөр хоёр компани лиценз эзэмшиж байгаагийн нэг нь “МАК”. Өөрөөр хэлбэл, Дорнодын Адуунчулууны орд МАК-ын мэдэлд байна. Зүүн бүсийн эрчим хүчний эх үүсвэр нэг компаниас шууд хамааралтай болчихоод байна гэсэн үг. Үнэхээр стратегийн орд гэж байдаг бол Адуунчулууны орд яах араггүй стратегийн орд юм. Миний мэдэхээр стратегийн ашигт малтмал бүхий орд бол их байдаг. Бүс нутгийн хүн ам, эдийн засагт асар их нөлөөтэй ордын нэг бол Адуунчулууны хүрэн нүүрсний орд. Намайг хувийн өмчийг нийгэмчлэх тухай ярьж байна гэж битгий ойлгоорой. Энэ бол тэрнээс өөр асуудал.

Ер нь тэгээд шийдвэл зохих асуудал их байгаа ч хамгийн гол нь хөгжлийг томоор харж, алсын хараатай ажиллах шаардлагатай байгаа юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Золбоо: Хонконгийн хэрэг явдал Хятадын энгийн ч нэг “шүдний өвчин” биш боллоо

– ХУДАЛДААНЫ МАРГААН
МӨДДӨӨ ШИЙДЭГДЭХГҮЙ НЬ –

Хонконгд өрнөөд байгаа асуудлаар Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоотой ярилцлаа.


-Хонконгд өрнөж буй үйл явдалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Мэдээж хэрэг энэ бол урд хөршийн маань дотоод асуудал гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Ерөнхий утгаар нь аваад үзвэл өнөөгийн даяарчлагдаж буй дэлхийн улс орнуудад байж л байдаг эрх баригч болон олон нийтийн хоорондын үл ойлголцол гэж болмоор санагддаг юм. Түүх болон учир шалтгаан талаасаа тайлбарлавал харин онцлог талуудыг нь нэрлэж болох байх. Бидний хөрш БНХАУ-ын хувьд газар нутаг болон бусад бүхий л талаараа “их гүрэн” учраас улс орны өнцөг булан бүр нь өөр өөрийн онцлогтой гэдгийг ойлгох хэрэгтэй. Амьдралын хэв маяг, үзэл суртлын хувьд Хятад дотроос хамгийн төсөөтэй гэж хэлж болох Тайванийн асуудлаас гэхэд л шал өөр шүү дээ. Ерөнхий зургаар нь Хонконгийн хэрэг явдлыг шинжээчид эхэн үед нь Хятадын “шүдний өвчин” гэж нэрлэж байсан. Харин одоо энгийн ч “шүдний өвчин” бус, эмзэг сэдэв талаасаа “хүндэрсэн өвчин” гэж нэрлэж болохоор болчихлоо. Хагас жил гэдэг богино хугацаа биш, асуудал нь л жижиг биш байсныг харуулж байна. Хятадын засаг захиргаа асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хэмжээний уян хатан буулт хийсээр ирлээ. Хонконгийн иргэд, сонгогчид ч асуудлыг шийдвэрлэхийн төлөө нягтарч чадаж байгааг өнгөрсөн долоо хоногийн орон нутгийн сонгуулийн ирц, үр дүн харууллаа. Хэдийгээр өмнөхөөсөө эрс тэс үр дүн үзүүлсэн ч гэлээ асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх боломж нээлттэй хэвээр байна.

-АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Хонконгийн ардчилал ба хүний эрхийг хамгаалах тухай”, мөн цагдаагийн тодорхой хэрэглэлийг Хонконгт нийлүүлэхийг хориглосон хуульд гарын үсэг зуржээ. Үүний үр дүн хэрхэн гарах бол, та юу гэж харж байна вэ?

-Шууд үр дүн үзүүлээд эхэлнэ гэж хэлэхэд эрт байна. Өмнө хэлсэн нэг нэгнийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэдэг талаасаа шууд зөвтгөхөд учир дутагдалтай санагддаг. Гэхдээ дэлхийн бүс нутаг, улс орнууд дахь ардчиллын үзэл санаа, хүний эрхийг хамгаалагч, өмгөөлөгчийн байр сууринаас нь харвал АНУ-ын хувьд шинэ зүйл биш л дээ. Зөвхөн Хонконгтой хийдэг худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ багагүй байдаг учраас АНУ-ын хувьд шууд гэж болохоор эрх ашигт нь хохиролтой л байгаа. Тэр хориглосон гээд байгаа тоног хэрэгслийг чинь Хятад улс өөрсдөө ч хийдэг гэх юм билээ. Хамгийн гол нь сүүлийн хоёр жилийн турш шийдэгдэлгүй сунжраад байгаа “Худалдааны маргаан”-ы тодорхойгүй байдал л эмзэг сэдэв байх. Буруу шийдвэр гаргах нь шийдвэр гаргалгүй тодорхойгүй байдалд байхаас дээр гэдэг. Үүн шиг маргааны сэдэв болсон тариф хэд байхдаа биш шийдвэр гаргахдаа л гол ач холбогдол нь байгаа.

-БНХАУ-ын Гадаад хэргийн яам өмнө нь уг хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан АНУ-д эсэргүүцлээ илэрхийлж байсан. Одоо энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авах бол?

-Бүрэн эрхт улсын хувьд өөрсдийнхөө хууль, дүрмийн хүрээндээ шийдвэрлээд явах биз дээ. Мэдээж хүний эрхийн үндсэн суурь зарчим зөрчигдсөн тохиолдолд зөвхөн нэг орон гэлгүй хамтын нийгэмлэгийн дуу хоолой харин хэрэгтэй байж болно. Хятад улсын албан ёсны байр суурь өмнөхөөсөө огцом өөрчлөгдөөд байхгүй л дээ.

-Хятадыг хүчирхэг гүрэн боллоо гэлцдэг. Энэ үйл явдлаас харахад АНУ-ын нөлөөлөл илүү том байгаа юм биш үү?

-Таны асуултын аль аль нь л үнэн. Өнөөгийн дэлхийн эдийн засагт эзэлж байгаа байр суурь, цар хүрээнээс нь авч үзвэл Хятад бол жирийн нэгэн хөгжиж буй орон биш. Засгийн газраас нь албан ёсоор хэрэгжүүлж байгаа “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд л гэхэд бүс нутагтаа төдийгүй цаашлаад бусад эх газруудад хийж байгаа худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг аваад үзсэн ч их гүрнүүд л энэ хэмжээнд хөдөлдөг. Ярилцлагынхаа далимд нэг жижигхэн зүйлийг сонирхуулъя. Хятад хэл дээрх энэхүү санаачилгын англи орчуулгыг “Бүс ба зам” гэж орчуулж, бид тэр хэллэгийг нь дам аваад байгаа нь учир дутагдалтай санагддаг юм. Хятадаар нэг гэж тухайлан зааж хэлээд байгааг англи хэлний ганц тоо заасан “a” угтвартай хольж “Бүс ба зам” гэж орчуулах нь цаад утга агуулгыг алдагдуулсан гэж боддог юм. Тиймээс үндсэн санааг нь хүндэтгэх үүднээс бид монгол хэлээр “Нэг бүс нэг зам” гэж хэвшүүлэх нь зүйтэй мэт.

Таны асуултын хувьд АНУ-ын өнгөрсөн зуунаас хойш олон улсын тавцанд эзэлсээр байгаа хүчирхэг гүрний байр суурь цаашдаа ч хадгалагдах нь ойлгомжтой. Нэг л жишээ татъя. Зөвхөн цэрэг, аюулгүй байдалдаа зарцуулж буй зардал нь дараагийнхаа есөн улсын гаргадаг зардлын нийлбэрээс илүү байдаг их гүрэн шүү дээ. Гэхдээ асуудлыг хүчээр шийдвэрлэх гэх нь дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс тухайлбал, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байр суурьтай зөрөлдөнө байх. Тиймээс шууд хөндлөнгөөс оролцож байна гэхээсээ илүүтэйгээр эдийн засгийн болон бусад замаар дарамт, шахалт үзүүлж зөрчилдөөнийг хүчирхийлэлгүй шийдвэрлэхэд нэмэр болно.

-Хятадын зүгээс одоо ямар арга хэмжээ авах бол. Та юу гэж таамаглаж байна вэ?

-Ямартаа ч хүчирхийллээр асуудлыг шийдвэрлэхгүй байх л гэж найдаж байна. Олон мянганы төрт ёсны түүхтэй улс энэ зэргийн асуудлаа шийдвэрлээд цааш явах нь ч ойлгомжтой. Хамгийн тодорхой зүйл гэвэл дэлхийн улс орнуудын анхаарлын төвд байсаар байгаа худалдааны маргаан мөддөө шийдэгдэхгүй нь дээ. Өнөөдрийн Хонконгийн зөрчилдөөнийг бидний ярьдагчлан “эхийг нь эцээлгүй, тугалыг нь тураалгүй” шийдэх гарц байж л таараа.

Хятадын засаг захиргаанд Хонконгийн хэрэг явдлаас илүүтэйгээр анхаарал хандуулах асуудал чамгүй олон бий. Тиймээс асуудлыг хурцатгаж дэврээлгүй шийдвэрлэх дорнын ард түмний уран арга байж л байгаа. Миний ойлгож байгаагаар Хонконг иргэдийн тэмцлийн цаад утга учир тусгаар тогтнол ч юм уу, салан тусгаарлах хүсэл эрмэлзэл биш байх. Тиймээс албан ёсоор дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрдөг “Нэг Хятад” бодлого цаашид ч гуйвалтгүй үргэлжлэх нь эргэлзээгүй.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Сүхбаатар: Үндсэн хуулийг засаж, өөрчлөх явцад ардчиллын нэг том хичээлд хамтдаа суралцлаа, урагшиллаа

УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатартай ярилцлаа.


-Бүгд найрамдах улсаа тунхагласны 95 жилийн ойн өдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ерөнхийлөгч ёсчиллоо. Удаан дуншсан Үндсэн хуулийн өөрчлөлт баталгаажиж УИХ түүхэн үүргээ биелүүлэв. Мэдээж цаашид хийх ажлууд эхэлнэ, ундарна. Та хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол бахархлын өдрийн өмнө Монголын шинэ эрх зүйн суурь болох Анхдугаар Үндсэн хуулиа баталсан Бүгд найрамдах улсын түүхт баярын өдөр Үндсэн хуулийн нэмэлт засвар маань эцэслэн баталгаажиж улс даяар албан ёсоор зарлагдлаа. Энэ өдөр бол монголчууд цаашид хаант ёс, ганц хүний ноёрхлыг халсан бүгдээр найрамдаж амьдрахаа тунхагласан учир жанцан ихтэй өдөр. Хууль тогтоогчдын төдийгүй эрдэмтэн судлаач, иргэд олон нийтийн ч олон жилийн хүлээлт, хүсэл, нийгмийн захиалга бодит биеллээ оллоо. Монголоороо бахархах, ирээдүйд итгэх итгэл улам батажсан сэтгэгдэл төрсөн шүү. Улс төрийн түвшинд эцсийн эцэст ухарч зогсолгүй санал зөрөлдөөнөө гэтлэн давж, урагшлах зам дээр ойлголцож зөвлөлдөж гарч чадсан. Мэдээж хүссэн бүх асуудалд дүүрэн хариулт, шийдэл өгсөн үү гэвэл асуудлуудын төвөгтэй нөхцөл байдлаас хамаараад зарим чухал зохицуулалт тусгагдаагүй үлдсэн. Тухайлбал, сонгуулийн холимог тогтолцоо, Ерөнхийлөгчийг төлөөлөгчдийн байгууллагуудаас сонгох гэх мэт. Гэхдээ эдгээр нь дараа дараагийн УИХ-ын ярих, шийдвэрлэх маш чухал үүрэг, зорилт болон шилжиж байна. Улсын Ерөнхийлөгч маань чамлахаар чанга атгахаар өөрчлөлтүүд орсныг тэмдэглэж хэлсэн. Үүнтэй санал нэг. Миний хувьд хүсэн хүлээсэн, зүтгэсэн зорилтынхоо 70 хувийг биелүүлж чадлаа гэж үзэж байна. Гэхдээ дүгнээд хэлбэл, Үндсэн хуулийн энэ түүхэн өөрчлөлт таван үндсэн зорилтыг бүхэлд нь ханган биелүүлж байгаа.

-Та тэдгээрийг тодруулаач?

-Нэгдүгээрт, төрийн удирдлагын хэлбэр өөрчлөх эсэх тухай хүчтэй хөндөж, Ерөнхийлөгчийн удирдлагатай улс болох Үндсэн хуулийн бус элдэв санаархалд Үндсэн хуулийнхаа хүрээнд хариултаа өгчихлөө. Өөрөөр хэлбэл, парламентын бүгд найрамдах улсаа бататган төгөлдөршүүлэх чиглэлд томоохон алхам хийлээ.

Улс төрийн нам, сонгуулийн эрх зүйн орчныг хувьсган өөрчлөх заалтууд орсон, Засгийн газар, Ерөнхий сайдын эрх хэмжээг нэмэгдүүлэх замаар хууль биелүүлэх чадамжийг дээшлүүлэхийг зорьсон. УИХ, Засгийн газрын бүрэлдэхүүн хэт холилдох зүй бус үзэгдлийг хязгаарлан мэргэжлийн Засгийн газар бүрдүүлэх, УИХ-ын өмнө хүлээх хариуцлагыг өндөржүүлсэн.УИХ-ын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагааг чанаржуулах, УИХ, Ерөнхийлөгчийн дур зоргын үйлдэл, нөлөөллийг хязгаарлах эрх зүйн нөхцөлийг бүрдүүлсэн чухал заалтууд тусгагдаж чадсан. Хоёрдугаарт, байгалийн баялгийн ашиглалт, хамгаалалт, түүний үр өгөөж,зохистой хүртээмж болон иргэний хяналт, Үндэсний баялгийн сангийн талаарх гол зарчмуудыг шинээр зааж өгснөөр иргэдийн зүй ёсны хүсэл шаардлагыг анх удаа тодруулан үндсэн хуульчиллаа. Гуравдугаарт, шударга ёсны үйлчилгээ үзүүлэх шүүхийн сахилга, дотоод ардчиллыг шинэ шатанд гаргах, шүүхийг иргэдэд ойртуулах маш том өөрчлөлтийн механизмыг тусгаж өгсөн. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо гэсэн байгууллагууд шүүх эрх мэдлийн институци дотор өнөө байгаагаас зохион байгуулалтын төдийгүй арга ажиллагаа, хандлага эрс өөрчлөгдөн ажиллах цоо шинэ шаардлага тавигдахаар болсон.Дөрөвдүгээрт, нутгийн өөрийн удирдлагын өвөрмөц ахуй, жам ёсны салаа мөчир болох хот, тосгоны статусыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын хүрээнд тодотгон зааж өгсөн. Ингэснээр байгаа хот, тосгодоо “амь” оруулах бодит боломжийг нээлээ. Орон нутгийн бие даасан байдлыг хангах тухайд өмчийн удирдлага, татварын хувь хэмжээ тогтоох эрхийг хуулиар эдлэх эрхтэйг анх удаа тусгайлан зааж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн байгууллагын доторх байгууллага мэт байх тусгай статусыг өөрчилсөн. Тавдугаарт, “дордуулсан долоон өөрчлөлт” гээчийг тойрсон 20 жилийн маргаанд хариу өгч үндсэндээ засаж залрууллаа. УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтүүдийг “эрх зүйн хувьсгал”-ын чанартай болохыг тэмдэглэж хэлээд байгаа нь зүгээр нэг сүржин, чамирхсан үг биш юм.Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдаад юун түрүүн хөндөгдөх, шинэчлэгдэх гучаад хууль байна гэсэн тооцоо бий. Энэ нүсэр ажлыг удахгүй боловсруулж УИХ-аар батлагдах тогтоолын хуваарийн дагуу хийж эхэлнэ. Үндсэн хуулийн өөрчлөлт шинэчлэлийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон улс төрийн нам, байгууллага, иргэддээ талархлаа илэрхийлье. Гурван парламентад энэ асуудлыг хариуцан ажилласан төрийн албан хаагчид, хүч сэтгэлээ харамгүй зориулсан үе үеийн ажлын хэсгийн гишүүддээ баярлалаа. Сүүлийн хоёр жил ардчилалд, зөвлөлдөх соёлд хамтдаа суралцсан, Үндсэн хуулийн шинэ ухамсар суусан, шинэ жим зам гаргасан урагшилсан үйл явц байлаа.

-Таныг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байх үеэс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг албан ёсоор эхлүүлэхээр ярьж эхэлсэн гэдэг бил үү?

-Том үйл хэрэг бүрт өөрийн үүх түүх, учир явдал байдаг. Ялангуяа биеэр оролцогч нэгэн гэрчийн хувиар энэ үед нь товч дурсах нь зөв биз ээ. 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт хэрэг явдлын дараа одоогийн МАН, Ардчилсан нам хооронд УИХ-ыг шинээр эмхлэн байгуулах талаар зөвшилцөх үйл ажиллагаа болсон. Ардчилсан намыг төлөөлж өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга, З.Энхболд, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын хүмүүс орсныг санаж байна. МАН-аас Ё.Отгонбаяр, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд болон миний бие байсан. 2008 оны наймдугаар сард Монгол төрөө бэхжүүлэх, шударга сонгуулийн орчныг бүрдүүлэх талаар тохиролцоонд хүрч зөвшилцлийн баримт бичигт бид гарын үсэг зурсан. Үүнд, Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулна, сонгуулийн хууль,тогтолцоонд шинэчлэл хийхээр тохирсон. Ингээд 2008 оны наймдугаар сарын сүүлчээр УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой болсон. Энд тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг онцлон дурдах хэрэгтэй болно. Улс төрийн бодлогын тохиролцоог ажил хэрэг болгох үүднээс Д.Дэмбэрэл дарга эхлээд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан сонгуулийн шинэ хуулийн ажлын хэсгийг байгуулсан, би үүнд нь багтсан. Дараа нь тухайн үеийн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшинд Үндсэн хуульд хэрхэн нэмэлт, өөрчлөлт оруулахыг журамласан хуулийн төсөл боловсруулах үүрэг өгч, Б.Чимид багш тэргүүтэй эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан мэргэжлийн ажлын хэсгийг ажиллуулсан. Төсөл бэлэн болсны дараа хянаж үзээд Ө.Энхтүвшин, Ж.Сүхбаатар, Ч.Сайханбилэг нарын есөн гишүүний санаачилснаар УИХ 2010 оны намар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль анх удаа батлагдсан юм. Үүний дараа би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгогдсон. Д.Дэмбэрэл дарга 2011 оны нэгдүгээр сард надаар ахлуулан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийг 40 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж байлаа. Ингээд би Байнгын хорооны даргын хувьд сонгуулийн шинэтгэл, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал гэсэн хоёр аварга том ажилтай “ноцолдох” үүрэг хүлээж билээ.

-Ажлын хэсэг ямар дүгнэлт гаргаж байв?

-Тухайн үед сонгуулийн хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал гол сэдэв болж яригдаж байв. Бид материалууд судалсан, нийгмийн уур амьсгалыг тандсан. УИХ-ын гишүүн Д.Энхбат, З.Алтай нарын дордуулсан гэх өөрчлөлтийн заримыг засах буюу УИХ, ЗГ-ын гишүүнийг хавсран ажиллахыг хязгаарлах, Д.Дамба-Очир нарын Дархан, Эрдэнэт хотын статусыг тодорхой болгох тухай Үндсэн хуулийн саналууд парламентын хүрээнд гарч байсан. Үүнээс гадна МҮШН зэрэг улс төрийн намууд шинэ Үндсэн хуулийн төсөл ярьж байсан эгзэгтэй үе таарсан. Энэ бүхнийг урсгалд орхилгүй төрийн бодлогоор залж авч явахыг хичээн судалгаа тандалтыг мэргэжлийн болон нийтийн хүрээнд идэвхтэй явуулж, олон ч санал ирсэн, бид ч зайлшгүй зарим өөрчлөлт оруулах ёстой гэж үзсэн. Үүнээс цөөн хэдэн санал нэгдэж байсан асуудлуудыг өргөн бариад Байнгын хороонд шилжүүлээд л цааш хуулийн цаг хугацааны хайчинд ороод зогссон. Сонгуулийн хууль, тогтолцоо шинэчлэх, төсөв батлах үе ч давхацсан. Манай ажлын хэсгийн хажуугаар Ерөнхий сайд, МАН-ын дарга Сү.Батболдын санаачилгаар намуудтай парламентын хоёр танхимтай байх, парламентын ардчиллыг бэхжүүлэх талаар олон намуудын хамтран гарын үсэг зурсан зөвшилцөл хүртэл явагдаж байсан цаг. Дараачийн 2012-2016 оны УИХ-д Л.Цог дэд дарга болон эхнээсээ бидэнтэй идэвхтэй хамтран зүтгэсэн. Н.Батбаяр нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хариуцан ажилласан нь бодлогын залгамж хангагдан илүү том зөвшилцөл хийгдэн томоохон өөрчлөлт бүхий төслийг бэлтгэх боломжийг бүрдүүлсэн. Гэсэн ч мөн УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадалгүй гурав дахь УИХ луу шилжсэн. Улмаар ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаад энэ жил УИХ-ын дарга Г.Занданшатарын үед боогоод Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсныг УИХ таван сар буюу 158 ажлын өдөр хэлэлцэн баталлаа. 327 мянган иргэний таван сая 600 мянган нэгж саналыг ангилан ялгаж авч үзсэн гэхээр нөр их хөдөлмөр, хамтын үйл ажиллагаа орсон байгаа юм шүү.

-Гишүүдийн тоог нэмэх асуудлыг танай парламентын ажлын хэсэг ярьж байсан гэдэг.

-УИХ-ын гишүүний тоо 99 байх ёстой гэдгийг Н.Батбаяр гишүүнийг санаачилсан гэж зарим хүмүүс ойлгодог. Энэ тоог анх гаргаж тавьсан “гэмтэн” нь молхи би юм аа. 76 гишүүнийг 1/3-ээр нэмэгдүүлэхэд 100 гарантай болчихоод байсан. Гурван оронтой тоонд оруулахгүйгээр, хүн ам нийгмийн төлөөлөл, эдийн засаг, ажлын зүй зохист менежмэнт талаас бусад орны жишиг харгалзан энэ тоог дэвшүүлж тавьсан хэрэг. Тухайн үед хэвлэл мэдээллээр энэ саналыг шүүмжилж байв. Иргэд ч төдийлөн таатай хүлээж авахад бэлэн биш байсан учраас үүнийг өргөн бариагүй, харин ирээдүйд үүнийг дахин ярихаар үлдээсэн юм. Гэхдээ хот, тосгоны өөрийн удирдлагыг тодотгох асуудлыг заавал өргөн барихыг хүсч байсан. Мөн Засгийн газрын гишүүдийн 1/3-ээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэж оруулж байсан. Энэ нь одоогийн дөрөв хүртэлх УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэх заалттай ойролцоо.

Одоогийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн концепцийнх нь 70 хувь нь өмнөх парламентын үеийн Н.Батбаяр гишүүн нарын төсөл дээр суурилсан гэж УИХ-ын дарга мэдэгдсэн нь төрийн ажлын залгамж чанар хэр байсныг нотлон харуулна. Эхлэлийг нь 2008-2012 оны парламент тавьсан, дараа, дараачийн парламент үргэлжлүүлэн буухиалсан. Энэ удаад Үндсэн хуулийн 29 хувийг хөндөж, хүндрэл бэрхшээлийг туулсаар том хэмжээний нэмэлт, өөрчлөлтийг хийлээ. Шинэ Үндсэн хуулийн эх баригчийн туслах УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан эх баригчаар ажилласан. Яах аргагүй парламентын амьд домог түүх болсон хүн мэргэжил арга зүйн удирдлагаар сүрхий хангаж ажиллалаа. Үндэсний зөвшилцөл, ойлголцлын ажлын хэсгийг Улсын Ерөнхийлөгч толгойлж, улс төр, нийгмийн өргөн төлөөлөл оролцуулсан томоохон цуврал хэлэлцүүлгүүд зохион байгууллаа. УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөлийн удирдлагууд идэвхтэй оролцоог хангаж, эрх баригч МАН-ын удирдлага хүчлэн зүтгүүлэхээс татгалзаж зөөлөн бодлого, зарчим баримталсан.УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны дарга С.Бямбацогт, түүний аппарат голлон зохион байгуулалт, ажлыг урагш явуулж байлаа. Төдийгөөс өдий хүртэл Ө.Энхтүвшин дарга идэвхтэй оролцож гардлаа. Мэдээж УИХ-ын дарга Г.Занданшатарын манлайлал, уйгагүй оролдлогууд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэлээ. УИХ-ын дарга улс төрийн сонирхлоос ангид мэргэжлийн маш хүчтэй баг нэгтгэн бүрдүүлж чадсан. Цөөн хэдэн заалтаас бусдаар бол мэргэжлийн хүмүүсийн томьёолол голлосон. Байгалийн баялаг, намтай холбоотой асуудлууд дээр л улс төрийн томьёолол орсон. УИХ-ын дарга явцын бүх шатанд мэргэжилтнүүдэд ажил хэргийн өргөн боломж олгож ирсэн нь шууд нөлөөлсөн. Бид энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зөвлөлддөг, хэлэлцдэг, хугацаа шаардсан, зардал ордог, бас их саад тотгортой учирдаг, санал зөрөлддөг, удаан ярилцдаг гэсэн ч гарц шийдлийг нь олох гэж хаана хаанаа хичээдэг энэ процесс чинь өөрөө ардчилал юм гэдгийг илүү сайн ойлгож авсан болов уу. Улс төрийнхөө түвшинд ардчиллын нэг том хичээлд суралцчихлаа. Бид хэлэлцүүлэг, зөвлөлдөөн, харилцан ойлголцол шийдэлд яаж хүрдэг юм бэ гэдэг цоо шинэ замыг анх удаа тавилаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмаа хэрэглэж үзлээ, жишигтэй боллоо. Үндсэн хууль баталсан нь онцгой үйл явдал байснаас гадна батлах үйл явц нь бидэнд сургамж, туршлага үлдээсэн. Британийн Ерөнхий сайд байсан Маргарет Тэтчерийн онож хэлснээр “Үндсэн хууль цаасан дээр төдий бус хүмүүний зүрх сэтгэл дээр бичигдсэн байх ёстой”.

-Та өмнө нь намаа шүүмжилж, МАХН руу орж байсан. Одоогоор УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа. Тэгэхээр намдаа буцааж ирчихжээ гэж ойлгож болох уу?

-Намаас гарсан, орсон асуудал бол миний улс төрийн тэмцэлтэй холбоотой. Намын нэгэн гишүүний хувьд тухайн үеийн намын удирдлагаа эсэргүүцэж тэдэнд хариуцлага тооцсон хэрэг. Уул шугамандаа ардчилсан орнуудад намын удирдлага нь муу байвал, муухай ялзарсан болбол намын гишүүд нь олон мянгаараа гараад явчихдаг, орхидог нь шинэчлэх өөрчлөх дохио сануулга болдог. Тэгэхгүй муугийн үүр болсон ч пялдага царайлаад бүгээд суугаад байвал ялзраад л байнашүү дээ. Манайд нам нь тааруу байсан ч гишүүдийн тоо нь нэмэгдэнэ үү гэхээс буурдаггүй эрүүл бус орчин бий. Намаас салбал хоолны түмпэнгээсээ сална гэсэн өчүүхэн ойлголт байж таарахгүй.Нам хуучин цаг шиг нэр төр, нандин чанар агуулсан, хадгалсан ариун сүм шиг байхаа больсон. Ийм болохоор тангараг өргөөд түүнээсээ ухарч няцах гэсэн асуудал энд яригддаггүй. Орчин цагт улс төрийн байгууллага, тэмцэл өрсөлдөөний, үзэл санааны талбар байх ёстой. Харамсалтай нь мафи маягийн бугшмал авилгач бүлэглэлийн сүлжээ болоод байна. Ийм үед үзлээ дагаж тэмцэх үү, удирдлагын том улс төрчийг дагах уу, хий хоосноор байгууллагадаа үнэнч гээд суугаад байх уу, эсхүл найз нөхөд, дэмжигчдэдээ хоргодоод хөдөлж чадахгүй үлбийгээд байх уу гэдэг сонголт тулгардаг. Миний хувьд МАН-ын доторх МАНАН сүлжээний эсрэг хүч хүрэхгүй болохоор үзлээ дагаад МАХН дахь МАНАН-гийн эсрэг хуучин журмын нөхөдтэйгээ нийлж тэмцсэн. МАХН ямартай ч сүлжээнээс гадуур байж завхралыг эсэргүүцэж, өөрсдийн дуу хоолойгоо нийгэмд хүргэж байсан. Очоод улс төрийн тэмцэл явуулж болох, миний хамгийн ойр холбогдож болох хүмүүс тэнд байсан. Хэцүү нөхцөлд очиж ажилласан, хамтарсан. Зарим тохиолдолд санаа бодол нийлэхгүй байх явдал ч байсныг үгүйсгэхгүй. Юутай ч уг намд том зорилгоо бодоод үүргээ гүйцэтгэсэн. Миний хувьд энэ оны зургадугаар сард МАХН-аас гарсан. МАН шинэчлэгдэж өөрчлөгдөж гэмээ нь улс төрийн намууд хөгжиж, төр бэхжинэ гэж би үздэг хүн. Ойрын ирээдүйд МАН, МАХН улс төрийн цул хүч болно гэдэгт эргэлздэггүй. МАН-аас 2015 оны намар гарах өргөдөлдөө өнөөгийн МАНАН, 60 тэрбум гэх нөхдийн үйлдэл, арга барилыг дурдаад МАН-ыг шинэчлэхэд нөлөөлөх үүднээс гарч байгаагаа мэдэгдсэн. Цаг үе ч наашилж эерэг шинж тэмдэг гарч байна.

-Одоо тэр байдал нь өөрчлөгдсөн гэж үү?

-МАНАН бүлэглэл, 60 тэрбумын асуудалтай өмнөх МАН-ын удирдлага, төрд байсан, байгаа нөхдүүд холбоотой нь бодит үнэн. Харин МАН-ын шинэ удирдлагын бодлого, залуусаа бол би дэмжиж байгаа. Энэ хүмүүс миний тухайн үед хэлж байсан зүйлүүдийг үндсэндээ хуваалцаж, тэмцэж байна. Ийм үед би хол хөндий суугаад байх шаардлагагүй. МАН улс төрийн хамгийн өргөн гишүүнчлэлтэй зохион байгуулалттай хүчин. Цаашид надад улс төрийн намын дотоод үйл ажиллагаанд хутгалдах, элдэв сонирхол тэнд горилох санаархал огт байхгүй. Харин төр түмнийхээ төлөө зүтгэх, намыг эрүүлжүүлэхэд бусад нөхдөдөө туслах хүсэл зориг маань хэвээр. Миний хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын хэсэгт орж ажиллалаа. УИХ-ын даргын зүгээс зөвлөхөөрөө ажиллах саналыг наадмын өмнө надад тавьсан. Олон жилийн өмнөөс зүтгэсэн сонгуулийн тухай хууль, Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудалд оролцох боломж тул би дуртайяа хүлээн авсан. Өмнө нь, МАН ялагдсан үед Г.Занданшатар дарга намын генсек, би намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Бас дөрвөн жил УИХ-д хамт байсан бие биеэ мэдрэх, ойлгох хоёр л доо. Сэтгэлийн дуудлага байсныг ч хэлэх хэрэгтэй. Энд миний найз нөхөд, дэмжигчид гээд маш олон ойрын дотно хүмүүс минь байдаг. Энэ өөрөө онцлог ахуй орчин юм. Хүн хоорондын тусгай холбоос байх шиг. 20 жилийн өмнө намын бүлэгт би хуулийн зөвлөх, У.Хүрэлсүх дарга нийгмийн бодлогын зөвлөхөөр хамт ажиллаж байсан л даа. Хэлсэндээ байдаг, хулхи хуурмаг зан түүнд байдаггүй нь амар байдаг. Зун таарчихаад “Чи Балт шиг сайхан зэсэрч байгаад ирлээ. Ер нь чиний яриад байсан зүйлүүд буруу биш, зөв байсан шүү дээ. Сайхан ажиллая, дэмжиж байна” гэсэн агуулгаар ярилцсан. Ингээд л эр хүний ёсоор уулзаад салсан. Эргээд харахад бид улс төрийн хувьд зарим асуудал дээр санал зөрөлдөх зүйлүүд байж. Би харьцангуй биеэ даасан хүн. Үүнээс болоод элдэв зүйлтэй л нүүр тулж үзэж явна.Цаг үе өөрчлөгдөж байна. МАН-д залуусын цөн эрчимтэй түрж байна. Хаа газар ажиллахдаа бусдад лай болж яваагүй, чадвал тус дэм болох, ядвал гай болохгүй байх нь миний зарчим.Үнэнийг хэлэхэд хоёр хоногийн өмнө Бүгд найрамдах улс тунхагласны өдөр МАН-ын дарга маань дуудаад намын батлахыг минь гардууллаа.

-Сонгуулийн тухай хуулийн төслийг тун удахгүй хэлэлцэнэ. Ямар гол өөрчлөлтүүд орж байгаа бол?

-Төсөл боловсруулах ажлын хэсэгт бол ороогүй явна. Л.Энх-Амгалан дарга ахлан ажиллаж байгаа. Сонгуулийн хуулийн төслийн талаар одоогоор гүехэн танилцсан төдий явна. Тогтолцооны асуудал, бүртгэл, зөрчил маргаан шийдвэрлэх журам байнга л анхаарал татдаг сэдвүүд. Өнөө маргаашгүй өргөн барих гэж байгаа гэсэн мэдээлэл авсан. Гол нь, Сонгуулийн тухай нэгдсэн хуулийг хуучин шиг тус тусад нь салган хуульчлахаар байсан. Өргөн барьсан хойно маргаантай асуудлаа хагалдаг нь бараг жишиг болсон доо. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа цаг хугацаанд шахагдсан хуулийн төсөл яах аргагүй УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн хуулийн төслүүд.

-Саналыг гараар тоолно гэдэг нь үнэн үү?

-Үгүй. Хуулийн төсөлд санал тоолох төхөөрөмж ашиглахаар заасан. Урьдын адил хяналтын тооллогыг бүх хэсгийн 50 хүртэлх хувийг санамсаргүй сонголтоор сонгож хяналтын тооллого хийлгүүлэхээр тусгасан байна лээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Я.Содбаатар: Сонгуулийн хуулийн цоорхойг хаахыг хичээсэн

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа. Энэ нь нийгэмд эерэг өөрчлөлтийг авчирч чадах уу?

-Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хууль баталж, 2000 онд долоон нэмэлт, өөрчлөлт хийсэн. Энэ өөрчлөлттэй холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал судлаачид, иргэдийн дунд санал, шүүмжлэлийг дагуулсан. Ийм 20 жилийг бид өнгөрүүлсэн байна. Сүүлийн гурван парламент Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой, ийм утга, агуулгатай оруулъя гэдэг санал, санаачилга гаргаж, төслийн хэмжээнд бэлтгэсэн. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг тусгасан байсан учир 2016 оноос шат дараатай хэд хэдэн арга хэмжээ авсан. Иргэдийн саналыг авах, зөвлөлдөх санал асуулга явуулах, Үндсэн хуулиар мэргэшсэн эрдэмтэн, судлаачдын үгийг сонсох, 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд мониторинг, дүн шинжилгээ хийх зэрэг арга хэмжээнүүдийг авсан юм. Улмаар өнгөрсөн зургадугаар сард Уих-ын 62 гишүүн санал нэгдэж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан. Үүний дараа Ерөнхийлөгч, парламентад суудалтай болон суудалгүй намууд, иргэдийн саналыг авч, хэлэлцүүлэх ажлыг өргөн хүрээнд зохион байгууллаа. УИХ есдүгээр сард Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар баталъя гэдэг шийдвэр гаргасан. Аравдугаар сард Ерөнхийлөгч хориг тавьсан учраас Ард түмнээс асуух шаардлагагүй, парламент өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд батлахаар болсон. Ийнхүү Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гишүүдийн 100 хувийн саналаар батлагдсан.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орсон гол зохицуулалтууд нь юу байв?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт үндсэндээ таван асуудалд төвлөрсөн. Нийт 19 хэсэг, 36 зүйлд өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, Монгол Улсад сахилга, хариуцлагыг тодорхой болгож, хариуцлагыг дээшлүүлж, үүнийгээ дагаад эрх мэдлийн хуваарилалтыг зөв болгохыг зорьсон. Багийн Засаг даргаас эхлээд Ерөнхийлөгч хүртэлх хүмүүс ямар үүрэг, хариуцлагатай байх эсэхийг тодорхой болгох чиглэлд томоохон өөрчлөлт хийсэн. Парламент, Ерөнхийлөгчийн зарим чиг үүргийг багасгаж, гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газар, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн зохицуулалтууд орсон. Хоёрдугаарт, сүүлийн жилүүдэд ард иргэд улстөржилтийг багасгах ёстой талаар маш их ярих болсон. Гуравхан сая хүнтэй Монгол Улс 30 гаруй улс төрийн намтай болчихлоо, улс төрийн намаар дамжиж төр байгуулах үйл явц өрнөж байгаа юм бол намууд нь сахилга хариуцлагатай, ил тод байх хэрэгтэй гэх шаардлагыг ихээр тавьсан. Тийм учраас улс төрийн намд тавих шалгуурыг өндөр болгож байна. Хуучин Үндсэн хуулиар улс төрийн нам 801 хүний дэмжлэг авбал, одоо сонгогчдын нэг хувь буюу 20 мянган хүний санал авч байж нам бий болно.

Зарим сонгуулиудын давтамжийг багасгасан. Энэ мэтчилэн улстөржилтийг багасгах чиглэлд том алхам хийж байгаа. Үүнийгээ дагаад намын тухай, сонгуулийн тухай зэрэг холбогдох хуулиудад томоохон өөрчлөлт орно. Ингэснээр улстөржилтийг дагаж үндэсний эв нэгдлийг алдаж, тархай бутархай болж байгаа байдлаа цэгцлэх том өөрчлөлт гарна гэж харж байна. Гуравдугаарт, баян хоосны ялгаа их боллоо. Энэ өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн том үзэгдэл. Баян хоосны ялгаа их болж байгаа нь нийгэмд нэгнийгээ үзэн ядах, эв нэгдэлгүй байх хандлагыг бий болгож байна. Иймд баян хоосны ялгааг арилгаж, баялгийн хуваарилалт, ашиглалттай холбоотой гарч буй асуудлыг цэгцлэх зохицуулалтуудыг тусгасан. Нэг ёсондоо энэ нутаг оронд олон зуун сая жил бүрэлдэн тогтсон байгалийн баялаг нь монголчуудын өмч юм, өмчийн эзэн нь монголчууд юм гэсэн үндсэн заалтууд нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд орсон. Мөн шүүхийн хараат бус байдлыг авч үзсэн. Өнгөрсөн 30-аад жилд иргэд улстөрчдөд дөрвөн жил тутамд дүн тавьсаар ирсэн. Мууг нь явуулж, авч үлдэхээ үргэлжлүүлэн сонгоод л. Харин энэ 30 жилийн хугацаанд хуулийн шүүхийн байгууллагынханд дүн тавьсангүй. Ерөнхийлөгчөөс буюу нэг институцээс, нэг хүнээс хамааралтай бүтэн нэг засаглал бий болжээ. Ерөнхийлөгч байсан хүнээсээ хамаараад эсвэл хувь хүн, зарим бүлэглэлүүдийн оролцоотойгоор тэнд үнэхээр бугшсан идээ бээр бий болжээ гэдгийг иргэд шүүмжилдэг. Тийм учраас шүүгчийг сонгож, санал болгодог Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс нь эхлээд, шүүгчдэд хариуцлага тооцдог Сахилгын хороо хүртэл нь Үндсэн хуулийн байгууллагын хэмжээнд авч үзсэн.

-Энэ хэрээрээ шүүхийн хараат бус байдалд нөлөөлдөг Ерөнхийлөгчийн нөлөөлөл багасах уу?

-Багасна. Үүнээс гадна Үндсэн хуулиар нутгийн удирдлага, Засаг захиргааны нэгжийн асуудлыг нарийвчлахыг зорьсон. Орон нутаг бие даан хөгжих боломжийг нээж, хот, тосгоныхоо эрх зүйн байдлыг тодорхой болгохыг илүүд үзсэн. Хүссэн хүсээгүй ард иргэдэд хүн төрөлхтний хөгжлийг дагаад хотжих үйл явц бий болоод байдаг. Гэтэл бид ганцхан Улаанбаатар гэсэн хоттой, бусдыгаа аймаг, сум болгочихоод байдаг. 15 мянган хүнтэй ч Хархорин сум гэгдэж байгаа. Хэдий хүн ам ихтэй ч 2000 хүнтэй сумынхтай яг адил хэмжээний бүтэц, орон тоо, хувьсах зардалтай байгаа юм. Үүнээс болж тэнд амьдарч буй иргэдийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл үүсдэг. Нөгөө талдаа нутгийн удирдлагын байгууллагад өмчийн, татварын зарим эрх мэдлийг нь шилжүүлье гэж байгаа. Ингэж олсон орлогоо өөрчдөө авч, орон нутгаа бие даан хөгжүүлэх боломжийг нээсэн. Эдгээр нь Монгол Улсын ирэх 30 жилийн улс төр, эдийн засгийг тодорхойлох томоохон өөрчлөлтүүд бол-сон. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн үг, үсэг бүрийг нь парламентын 57 гишүүн дэмжиж, өндөр босго давж байж батлагддаг. 20-30 жил ярьж байж ганц өөрчлөлт хийдэг ийм амаргүй ажил. Тиймдээ ч энэ удаагийн парламентыг түүхэн үүрэг гүйцэтгэсэн.

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгох заалтыг оруулсангүй гэж зарим гишүүд шүүмжилж буй. Энэ өөрчлөлтийг хийж болоогүй хэрэг үү. Та ач холбогдлыг нь хэрхэн харж байгаа вэ?

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлаар Ардчилсан намын зөвлөлөөс тодорхой санал орж ирсэн. Үүнийг Зөвшилцөх ажлын хэсгийн хүрээнд яриад, өнөөдрийн Монгол Улсын түвшинд хараахан Үндсэн хуульд оруулах шаардлагагүй гэж үзсэн. Хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Монгол Улсын төрийн байгуулалтын суурь зарчмыг эвдэх өөрчлөлт хийж болохгүй гэсэн заалт бий. Хоёрдугаарт, шилжилтийн гэж хэлж болох энэ цаг үед парламентыг, Засгийн газрыг хянаж, ард иргэдийн дуу хоолой болж үгээ хэлж байх бүтэц, институци байх нь зөв юм гэж гишүүдийн олонх үзсэн. Ер нь бол хэтэрхий олон суудалтай улс төрийн хүчин гарч ирээд янз бүрийн асуудал гарч байсан тохиолдол бий. Олон нам гарч ирээд хэн нь ч олонх болж чадахгүй, Засгаа байгуулж чадахгүй хэмжээнд очиж байсан. Эсвэл тодорхой эдийн засаг, улс төрийн бүлэглэл бий болгоод улс орныг самрах гэж оролдож байсан нь ч бий. Энэ утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн институт ард түмний сонголтоор гарч ирэх нь зөв юм. Ялангуяа өнөөгийн тогтворжоогүй энэ үед ард түмний сонгох эрхийг хасах нь буруу. Ард түмэн ч үүнийг хүлээж авахгүй байна гэдгийг гишүүд хэлж байсан. Яахав сонгодог парламенттай Герман зэрэг оронд парламентаасаа Ерөнхийлөгч нь сонгогдоод явдаг тохиолдол бий. Монгол Улс магадгүй 20 жилийн дараа, дараагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн түвшинд энэ саналыг ярихыг үгүйсгэхгүй. Харин яг өнөөдрийн нийгмийн сэтгэл зүй, нийгэм, эдийн засгийн байдал, Монгол төрийн төлөвшиж байгаа энэ нөхцөл хараахан боломжгүй. Засгийн газар, УИХ-ыг дураараа дургих, ямар нэгэн буруу зүйл хийхэд ард нийтийн саналыг авч сонгогдсон Ерөнхийлөгчийн дуу хоолой орж ирэх нь зөв юм. Гишүүд ч ингэж харсан.

-Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн. Үүний сөрөг тал нь юу вэ?

-Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг томоохон ололт бол хүчтэй Ерөнхий сайдтай болсон явдал. Парламентын засаглалтай оронд байдаг жишгийн дагуу энэ алхмыг хийсэн. Нөгөө талаараа өнгөрсөн 20 жилд Үндсэн хуулийг тойрч ярьсан гол зүйл нь Засгийн газрын тогтвортой ажиллахад анхаарах тухай байсан. Мөн УИХ-ын зарим гишүүд шантаажид Засгийн газар нь ажилладаг, Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хүчин чад-лын хувьд хомс байгаа явдлууд ч яригдаж байв. Энэ удаагийн Үндсэн хуулиар Ерөнхий сайд нь Засгийн газраа өөрөө бүрдүүлдэг, Ерөнхийлөгч парламентын түвшинд танилцуулгаа хийн, хариуцлагаа үүрсэн шиг үүрдэг болж байгаа. Ингэснээр Ерөнхий сайд Засгийн газартаа муу хүн санал болгоод, оруулж ирвэл өөрөө толгойгоороо хариуцах болж байгаа юм. Нэг талдаа Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдсэн мэт боловч нөгөө талдаа хариуцлага нь асар өндөр болсон.

-Сонгуулийн тухай хууль тун удахгүй хэлэлцэгдэнэ. Энэ хуулиар сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг хөндөх үү?

-Өнөөдрийн Үндсэн хуулийн хүрээнд л зохицуулна. Үндсэн хуульд ард иргэд өөрийнхөө төлөөлөл болсон парламентын гишүүнийг шууд сонгох агуулгатай заалт бий. Тиймээс миний хувьд нам сонгохгүй, хүн сонгох тогтолцоо л явна гэж бодож байгаа.

-Сонгуулийн тухай хуулиар ямар өөрчлөлтүүд орж байгаа юм бэ?

-2015 онд Ардчилсан нам Засгийн эрх барьж байхдаа өмнө нь байсан Орон нутгийн, УИХ-ын, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай гэсэн гурван хуулийг нэгтгээд Сонгуулийн тухай хууль болгочихсон. Энэ гурван сонгуулийг нэг хуулиар зохицуулсны дараа энэ байдлыг Сонгуулийн Ерөнхий хорооноос шүүмжилсэн. Гурван өөр агуулгатай сонгуулийг нэг хуулиар явуулснаар маш их хүндрэл дагууллаа, тиймээс хуучин шигээ тус тусын хуулиар нь явуулаач ээ гэсэн. Үүний дагуу УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажилласан. Эргээд сонгуулийн гурван хууль болгон өөрчилж байна. Мөн сонгуулийн хуулийн цоорхойг хаахыг хичээж, Сонгуулийн тухай хуулийн төслийг бэлэн болгосон. Ирэх долоо хоногт өргөн барих болов уу.

-Саналыг гараар тоолох юм уу?

-Машинаар тоолно байх. Тэрийг сонгуулийн хуулиар бус тогтоолоор шийддэг.

-Оюу толгой, Дубайн гэрээтэй холбоотойгоор УИХ-аас тогтоол гарлаа. Оюу толгой компани хэлэлцээрийн ширээнд суух уу?

-Гэрээ хэлцэл учир хоёр талын эрх ашиг байх ёстой. Үүнийг анхаарч үзэх ёстой байгууллага нь Засгийн газар юм. Засгийн газар хөрөнгө оруулагчтай ширээний ард сууж Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд, эрх ашгаа хамгаалах тодорхой саналууд гаргаж, хоёр талдаа ойлголцооч ээ гэж үзсэний үндсэн дээр УИХ тогтоол гаргасан. Ухаж байгаа баялгийн эзэд нь монголчууд. Мэдээж эрсдэл гаргаж, хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүсийн эрх ашиг ч гэж бий. Ямартаа ч нөгөө тал хэлэлцээрийн ширээний ард сууна байх. Суух ч ёстой. Үүнийг хаана, хаанаа ойлголцож, засаж сайжруулах хэрэгтэй. Засгийн газар хэлэлцээрийн ширээний ард сууж, тодорхой үр дүн гаргах байх гэж бодож байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Өлзийбаатар: Хөрш орнуудын тулгалт шахалтыг эс хайхран Анхдугаар Үндсэн хуулиа баталснаар бид тусгаар улс гэдгээ олон улсад мэдэгдсэн


Монгол Улсын Төрийн шагналт, түүхч, доктор Д.Өлзийбаатартай ярилцлаа.


-Монголчууд бид жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдрөө тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ түүхт өдрийн тухай та эргэн сануулаач?

-1921-1924 оны хооронд өрнөсөн засаглалын хэлбэр, төрийн байгуулалтын талаарх үзэл бодлын зөрөлдөөн тэмцлийн үр дүн, үр дагаврын шийдэл нь болж БНМАУ-ын анхдугаар Үндсэн хууль мэндэлсэн билээ.

Тухайн үед нийгмийн дэвшил, хөгжлийн хэрэгцээ шаардлагыг Ардын хурлын хэлбэртэй Бүгд найрамдах байгуулал тогтоож, түүнд нийцсэн Үндсэн хуулийг батлах явдал хэмээн ойлгож байсан чиг шугам ялсан юм.

Өөрөөр хэлбэл, Монгол оронд 1921 онд өрнөсөн хувьсгалт үйл явц эхнээсээ ядуу, дунд давхаргын эрх ашгийг хамгаалж, хуучны ноёлох хэсгийн эрх мэдлийг халах зорилго шинжийг хадгалж явсны учир анхдугаар Үндсэн хуулийн агуулга, үзэл санаа нь “зөвлөлтжүүлэх” бодлогын хүрээ, нөлөөнд амархан автаж, нийгмийн тодорхой бүлгийн сонгох сонгогдох эрх, өмч хөрөнгөтэй байх эрхэд халдсан хатуу ширүүн заалт орж улмаар нийгмийг үл эвлэрэх анги бүлэгт хуваан талцуулах хууль эрх үндэс болж өгсөн юм.

Энэ бол сөрөг тал нь. Гэхдээ Монголд анх удаа ард түмний эрх, үүргийн тунхаглал болсон Үндсэн хуультай болж, ардын Бүгд найрамдах хэмээх Үндсэн хуулийн засаглал тогтон Хаант ёс халагдаж, бүхэлдээ тэгш эрхт гишүүдээс бүрдэх учиртай нийгмийн шинэ байгууллын үндэс суурь тавигдсан нь дэвшилтэт үйл явц байсан юм.

-Анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсгийг хөрөнгөтөн орнуудын Үндсэн хуулийг хуулах нь гэсэн үндэслэлээр татан буулгасан гэдэг бил үү?

-Үндсэн хууль бол эрх баригчид нь хэрхэн засаглах, ард иргэд нь түүнд хэрхэн оролцох харилцааг зохицуулсан эрх зүйн баримт бичиг шүү дээ. Нэг үгээр бол төр, иргэн хоёрын гэрээ. Энэ ойлголтыг монголчууд сайн мэдэж байсан.

Ер нь бол хэмжээгүй эрхт хааны эрх мэдлийг хязгаарлаж төр барих үйл ажиллагаанд бусад этгээдийг оролцох оролцоог нэмэгдүүлэх явдал л аливаа улсын Үндсэн хуулийн гол агуулга нь болж үүссэн гэдгийг бид мэднэ.

Монголчууд XX зууны эхэн үеэс л нийгмийг шинэчлэх үзэл санааны тухай олонтой ярьж бичиж байсан. Үүний практик илрэл нь Богд Хаант Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн санаачилга оролцоотойгоор Улсын Дээд, Доод гэдэг хурлын хоёр танхимыг Оросын дум болон Английн парламентын зарчмаар байгуулсан явдал шүү дээ.

Ардын хувьсгалын дараа Ардын Засгийн Ерөнхий сайд Д.Бодоогийн санаачилгаар 1921 оны аравдугаар сард Ардын эрхт хэмжээт цаазат засгийг байгуулсны учир “дагаж шийтгүүлэх үндсэн хуулийг зохион тогтоож нийтээр журамлан дагаж явах” санал дэвшүүлж, удалгүй “Тангаргийн гэрээ” гэдэг баримт бичгийг Ардын Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэн баталсан бөгөөд уг баримт бичгийг “Монгол Ардын Засгийн газраас хэмжээт засагт улсуудын үндсэн хуулийн гол утгыг баримтлан тогтоосон дүрэм хэмжээ хэмээн тодорхойлсон юм. Энд “гэрээ” гэснийг анзаарч байгаа биз.

Эндээс үүдээд Үндсэн хууль засаглалын тухай монголчууд ямар ойлголттой байв. Хэдий үеэс монголчууд өөрийн оронд байж болох тохиромжтой засаглал, төрийн байгууламжийн тухай санаа бодлоо илэрхийлж байсан бэ, юуны учир гадны нөлөөт Үндсэн хуультай болсон юм бэ гэдэг асуудал урган гарна.

Ер нь 1921-1924 оны хоорондох Монголын улс төрийн дотоодод өрнөсөн нөхцөл байдлыг ажвал засаглалын хэлбэр, төрийн байгууламжийн талаарх үзэл хандлага, чиг шугамын зөрөлдөөн голлож байсан мэт харагддаг.

Хувьсгалын дараах үеэс төрийн байгууламж, засаглалын хэлбэрийн талаар Үндсэн хуульт Хаант засаг, парламентын засаглалт БНУ, Ардын төлөөлөгчдийн хэлбэртэй Зөвлөлт маягийн БНУ гэсэн гурван өөр үндсэн үзэл бодол бий болж, түүнийг тойрсон маргаан мэтгэлцээн, талцал зөрөлдөөн өрнөсөн гэж үзэж болох юм, Одоо ч бид засаглалын хэлбэрийн талаар маргалдаад л байгаа биз дээ.

Энэ ч үүднээс монголчууд өөрийн чинь хэлснээр олон орны Үндсэн хуулийг орчуулж судалсан. 1922 оны тавдугаар сард Үндсэн хуулийн төсөл боловсруулах тусгай комиссыг Шүүх яамны сайд Магсаржав хурц, Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн түшмэл Ж.Цэвээн, Бат-Очир нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд удалгүй тэдний боловсруулан буй төслийг хөрөнгөтний Бүгд Найрамдах Улсын Үндсэн хуулийн жишээн дээр зохиогдож байна хэмээн буруушааж комиссыг татан буулгаж, уг дүрмийг Засгийн газрын Хууль цааз эмхлэх хэлтэст хариуцуулсан байна.

Үүний дараа 1924 оны тавдугаар сард ЗХУ-ын хууль цаазны мэргэжилтэн П. В.Всесвятскийг урин ирүүлж хууль боловсруулахад оролцуулснаар-ажлын явц хурдсаж Зөвлөлтийн Үндсэн хуулийн хувьсгалт үзэл санаа Үндсэн хуулийн заалтуудад гүнзгий туссан даа.

Улсын анхдугаар их хурал ЗХУ-ын 1918 оны Үндсэн хуулийг загвар болгосон хуулийн төслийг 1924 оны арваннэгдүгээр сарын 25-26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж баталсан.

-Анхдугаар Үндсэн хууль хэчнээн зүйл, заалт, ямархуу цар хүрээтэйгээр батлагдаж байсан бэ?

-Анхны Үндсэн xyyль зургаан бүлэг 50 зүйлтэй. Да жунтан гэдэг ерөнхий даргыг сонгохгүй улсын бүх дээд эрхийг УИХ-д мөн хурлаар сонгогдсон Засгийн газар хадгална гэсэн заалтыг тодотгоё л доо. Да жунтан гэж Ерөнхийлөгчийг хэлж байна л даа.

Энэ үеэс монголчууд төрийн тэргүүнгүй, Засгийн удирдлага эрх баригч нэг намын бодлого шийдвэрийн дор үйл ажиллагаа явуулдаг болсон юм. Нам бол хамтын удирдлагын байгууллага шүү дээ. Зүүнтний алдаа нугалаатай үйл ажиллагааны дараа МАХН-ын нэр хүнд буурч Засгийн тэргүүний үүрэг нөлөө нэмэгдсэн. П.Гэндэн, А.Амар, Х.Чойбалсан зэрэг Ерөнхий сайдуудын нэр түүхэнд тод үлдсэний учир үүнд оршдог.

Намын үүрэг хоёрдугаар эгнээд орсон гэсэн үг. Ю.Цэдэнбал даргын үед 1950-иад оны сүүл үеэс МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн үүрэг нөлөө өсөж 1960 оны гуравдугаар Үндсэн хуульд төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол МАХН мөн гэж хуульчилсан шүүдээ.

Дараа нь Ю.Цэдэнбал дарга АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга болсноор нэг хүний гарт эрх мэдэл төвлөрсөн. Монголчуудын нэг онцлог бий, тодорхой удирдлага, манлайлагчийг дагаж нэгддэг. Манлайлагчийн хүч нөлөө нь сулрахаар бутарч салдаг, хагарч талцдаг.

Анхдугаар Үндсэн хуулинд Да жунтангүй гэж онцлон заасан, дараа нь Богдын хойд дүрийг тодруулахыг хориглосон нь Монголын нэгдлийг л сулруулах гэсэн харийн бодлого юм.

-Хөрш орнууд энэхүү үйл явдалд ямар байр суурьтай хандаж байсан бол?

-Мэдээж хэрэг урд хөрш эсэргүүцсэн. Монголчууд Үндсэн хуулиа яаравчлан баталсны цаана нэг учир бий.

Энэ нь Хятад, ЗХУ-ын хооронд Монголын талын олон удаагийн хүсэлт шаардлагыг үл хэрэгсэж, 1924 оны тавдугаар сарын 31-нд байгуулсан ЗСБНХУ, Бүгд Найрамдах Хятад улсын хоорондын асуудлыг зохицуулах ерөнхий зарчмын тухай хэлэлцээрийн тавдугаар зүйлд, ЗСБНХУ нь Гадаад Монголыг Бүгд Найрамдах Хятад улсын бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрч Хятадын бүрэн эрхийг хүндэтгэнэ гэж заасан юм.

Үүнийг эсэргүүцэн манай зүгээс хийсэн улс төрийн нэг акц бол Үндсэн хууль баталсан явдал юм гэж хэлж болно. Энэ үйл явдал бол бид тусгаар улс гэдгээ хөрш орнуудын тулгалт шахалтыг эс хайхран олон улсад мэдэгдсэн хэрэг болсон юм. БНМАУ-ыг тунхагласны үнэ цэн нь энд оршино. Үүгээр монголчууд үндэсний аюулгүй байдлаа хангах үйлсдээ бас нэг алхам урагш ахисан юм.

-Та энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдлыг хэрхэн харж байгаа вэ?

-Ерөнхий сайдын эрх хэмжээ нэмэгдэж. аливаа үйлдлийн хариуцлага, ял гавьяа хоёр нэг хүн дээр очиж байгаа нь саяын нэмэлт, өөрчлөлтийн сүнс нь болж байна уу даа. Яг манай улсын өнөөгийн нөхцөл байдалд, үндэстний болон газар нутгийн онцлог, нүүдэл суурьшил иргэншлүүдийн ялгаа онцлогийг харгалзсан үндэсний онцлогтой улс орон байя гэвэл хоёр танхимт парламент зохимжтой гэж боддог.

Одоогийн 76 гишүүнтэй нэг танхимт парламент бол манай нөхцөлд биш байна гэдгийг өнгөрсөн он жилүүд харууллаа. 1949 онд Үндсэн хуулинд хийсэн нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн системд өөрчлөлт оруулсан. Энэ бол манай түүхийн онцлох ёстой үйл явдлын нэг гэж би боддог. Үүгээр 2,500 хүн тутмаас нэг нь төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөгчөөр сонгогддог болсон юм.

Агуулга нь их зөв. АИХ 400 гаруй төлөөлөгчөөс бүрдэж байлаа. Манай газар нутаг бол байгалийн олон бүсэд оршдог, түүнийгээ дагаад ард олных нь амьжиргааны хэв байдал сэтгэлгээ нь хүртэл янз бүр. Өмнөговь аймаг, Хөвсгөл аймаг хоёр бол тэс ондоо шүү дээ.

Дуулдаг дууных нь ая, үг хүртэл өөр, малладаг мал ахуй нь хүртэл өөр. Тэгэхээр төрийн бодлого үүнийг харгалзах ёстой биз дээ. Үүнийг л бодолцож байж тэр үед. Харин одоогийн мажоритар системээр сонгогдож байгаа нэг танхимт парламентын 76 гишүүд бол энэ шаардлагыг хангахгүй байгаа юм.

76 гэсэн тоондоо захируулж сонгууль явагдах тойрог байгуулж байгаа нь Монголын онцлогийг харгалзахгүй болгочихож байгаа юм. Хот суурин газрын төлөөллийн тоо, хөдөө орон нутгийн төлөөллийн тоо өөр өөр байх, сонгуулийн холимог болон мажоритар системийг оновчтой хослуулсан сонгуулийн системтэй байх шаардлагатай юм.

Парламентад төлөөллийн энэ онцлог тусч байх ёстой. Ингэхийн тулд хоёр танхимт парламент манайд илүү тохиромжтой болов уу гэж боддог.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Тэмүүлэн: Малчид 10 жилийн НДШ нөхөн төлөхөд таван сая төгрөг төлөх шаардлагатай болчихоод байна

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталлаа. Таныхаар Үндсэн хууль ямар хэмжээнд боловсруулагдаж, батлагдав?

-Таван үндсэн зарчмын хүрээнд хийгдэж байгаа өөрчлөлтүүд тун чухал. Гэхдээ цар хүрээ, хувь хэмжээгээр нь аваад үзвэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлыг оруулах заалттай л эн тэнцэхүйц заалтууд орсон. Үүнээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгох заалт ямар чухал байсныг харж болох байх.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэлэлцэж байх үед Ардчилсан нам сонгуулийн тогтолцоотой холбоотой заалтыг оруулаагүйг эсэргүүцэж, Зөвшилцлийн ажлын хэсгээс гарсан. Энэ байр суурьд та юу хэлэх вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарчмын асуудлууд дээр бид нэг байр суурьт хүрч, тодорхой зөвшилцлөөр явах ёстой. Ардчилсан намын санал болгосон гурван асуудалд тодорхой ойлголцолд хүрсэнгүй. Холимог тогтолцоо буюу намын жагсаалт оруулах асуудлыг 20 гишүүн ч дэмжсэнгүй шүү дээ. Гишүүдийн байр суурийг ч хүндэтгэж үзэх ёстой. Нэгэнтээ гишүүд, ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудал дээр бойкотолж, аль нэг улс төрийн нам хүчин тухайн Үндсэн хууль батлалцах процессоос гарч явах нь утгагүй асуудал. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудал ч мөн ялгаагүй. Ардчилсан намын энэ зөв зүйтэй санал дээр бид зөвшилцөл ойлголцолд хүрээд, нэгдмэл байр суурьтай байсан бол Монголын нийгэмд ямар том өөрчлөлт, хэр их үр өгөөжийг авчрах байсныг хэлж мэдэхгүй. Гэхдээ үнэхээр Үндсэн хуулийг батлах бололцоо байгаа бол бид аливаа асуудлууд дээр нам харгалзахгүй хийх ёстой.

Олонхын саналаа хүндэтгээд явах хэрэгтэй. Аль нэг намын бойкот, тухайн намын үзэл бодол, байр сууриас болж энэ том асуудлыг хаяж, гээж болохгүй. Зарчмын хувьд бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлтийг оруулах ёстой. Зөв бодлогын төлөө нэгдэж нийлэх шаардлагатай.

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналыг оруулж ирээгүйд та шүүмжлэлтэй хандаж байсан. Тэрхүү саналын ач холбогдлыг юу гэж харж байгаа вэ?

-Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлэг сар гаруй хугацаанд хойшилсон. Үүний гол учир нь Ардчилсан намаас дэвшүүлсэн гурван санал байв. Тэдгээрээс зарчмын хувьд зөв зүйтэй хоёр санал байсан нь Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх гэсэн саналууд юм. Парламентын тогтолцоогоо бэхжүүлье гэж зорьж байгаа энэ цаг үед бид энэ хэдэн өөрчлөлтүүдийг хийх нь зөв байсан. Парламентын засаглал бүхий төрийн тогтолцоонд байж болох бүхий л дутагдал, согог манай улс төрийн амьдралд илүү их ажиглагдах боллоо. Төр засгийн байнгын шахам хямрал, тогтворгүй байдал газар авч байна. Үүнийг өөрчлөхийн тулд зайлшгүй хийх ёстой зүйл нь дээрх хоёр санал юм. Гэхдээ Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох зарчим хөндөгдөж орж ирсэнгүй. Ардчилсан намаас оруулаач ээ гээд саналаа дэвшүүлж байхад ч оруулж ирсэнгүй. МАН-ын гишүүд дэмжиж байгаа бол өөрсдийнхөө бүрэн эрхийн хүрээнд шийдчих бүрэн бололцоотой. Гэтэл үүнийг ойлгохгүй, нэгдмэл байр суурьт хүрэхгүй, улс төрийн өнцгөөс зөвшөөрөхгүй, дэмжихгүй байгаа нь Ардчилсан намаас долоон дор байдалд орчихсон байна л гэсэн үг. Угтаа бид Ардчилсан намтай намгүй энэ зөв зүйтэй саналыг хоёр гараа өргөөд дэмжих ёстой. Хангалттай ирцтэй байгаа цагт дэмжих боломж бидэнд бүрэн бий шүү дээ.

-Зөвшилцлийн ажлын хэсэг яагаад Ерөнхийлөгчийг танхимаас сонгох саналыг оруулж ирсэнгүй вэ?

-Оруулж ирээгүй би их гайхаж байгаа. Хэн үүнийг гацаав, хэн үүн дээр эсрэг байр суурьтай байв, хэн нөлөөлөх байр сууринаас хандав. Монгол Улс нийтдээ долоон удаагийн сонгууль хийсэн байна. Нийт таван Ерөнхийлөгчийн нүүрийг үзжээ. Эцсийн дүндээ Ерөнхийлөгч байхаа больж, нөгөө хэллэгээр хонгилын түлхүүргүй болсных нь дараа ч гэдэг юм уу тэр хүмүүсийг муу муухай байлаа гэж хэлж болохгүй. Энэ нь хүндээ бус тогтолцоондоо байгаа юм. Монгол Улс хөгжье, төлөвшье, улс шиг улс байя гэвэл энэ эхлэлийг тавих шаардлага байна. Тиймдээ ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн том өөрчлөлт нь энэ л байх байсан гэж харж байгаа.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэнд иргэд, аж ахуйн нэгж ихээхэн бухимдалтай байна. Нэмсэнд “Капитал”-ын дампуурал нөлөөтэй болохыг ч судлаачид хэлж байгаа. Энэ бодитой юу?

-2017 онд ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд мөн 2 хувь буюу нийтдээ 5 хувиар нэмэх шийдвэрийг гаргасан.Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байгаа нь хүн амын насжилт, хүн ам зүйн ачаалал дотор ахмад настны ачаалал илүү нэмэгдэж байгаатай холбоотой асуудал. Хүн амын насжилт, тэтгэвэр авагчдын тооны өсөлт нь тэтгэврийн даатгалын сангийн зардал, улсын төсвийн ачааллыг нэмэгдүүлж байна. Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сан 600 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа, үүнийг улсын төсвөөс нөхөж байна. 2020 онд зарцуулж байсан тэтгэврийн даатгалын сангийн зардал магадгүй 2028 он гэхэд хэд дахин нэмэгдэх төсөөлөл орж ирж байгаа. Гэхдээ бид үүнийг ганцхан төсөв, нийгмийн даатгалын сангаас бус санхүүгийн олон эх үүсвэртэй болгох боломжтой юм. Зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлэх байдлаар бус даатгалд хамруулагчдаа нэмэх чиглэл барих шаардлага бидэнд байгаа. Бид үүн дээр зөв бодлого бариагүйн уршгаар эргээд иргэд, ажил олгогчдыг хүндрүүлэх асуудал гарч ирээд байгаа. Энэ хуулийг аваад үзэхэд жил бүр нэг, хоёр хувиар нэмэгдсээр байгаад хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл 12.5 хувь, ажил олгогчийнх 14 хувь болчихлоо. Нийтэд нь аваад үзэхээр 26.5 хувийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлж таарч байна. Нэг сая төгрөгийн цалинтай байлаа гэхэд сард 265 мянган төгрөг төлчихөж байгаа хэрэг. Дээр хүн амын орлогын албан татвараа нэмж суутгуулна. Энэ нь өөрөө гажуудал, буруу тогтолцоо болчихож байгаа юм. Тиймээс аль болох хүндрэл, чирэгдэл багатайгаар өөрчлөх, буулгах асуудлыг ярих ёстой.

-Малчдыг олноор нь тэтгэвэрт хамруулах гэж байгаа нь нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэх нэг шалтгаан болчихов уу?

-Малчдад чиглэж байгаа бодлого нь тэдэнд харин ч эсрэгээрээ тусч байгаа. Нийгмийн даатгалд хамруулагчдын тоо, сангийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Зөвхөн малчид биш хувиараа бизнес, хөдөлмөр эрхлэгчдийн дөнгөж 30 хувь нь малчдын 20 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. 1995-2019 он хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй, тэтгэвэрт гарч чаддаггүй ахмадууд бий. Энэ хүмүүст төрөөс хөнгөлөлт, боломжийг олгож байгаа. Тодруулбал, ирэх 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний хооронд буюу жилийн хугацаанд нөхөн төлөх, тэгээд тэтгэврээ тогтоолгодог болох боломжийг олгож байгаа юм. Энд харин шүүмжлэлтэй хандахаас аргагүй нэг бодлогын алдаа гарч ирсэн. Төсөв хэлэлцэж байх үед миний зүгээс энэ асуудлыг хөндөж, шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Ажлын хэсгийн түвшинд засаж, янзлаач гэх саналыг тавьсан. Ямар алдаа гарсан бэ гэхээр 24 жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхдээ тухайн он оныхоор нь бус, энэ жилийнх буюу өнөөдрийн итгэлцүүрээр тооцоод байгаа юм. 1995 болон 2019 оны нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ, итгэлцүүр нь өөр шүү дээ. 1995 онд нийгмийн даатгалын шимтгэл нь 10-15 мянган төгрөг байсан бол өнөөдөр яг тэр ханшаар нь л тооцох ёстой. Гэтэл өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэлийг заавал өндрөөр тооцох гээд 2019 оны нийгмийн даатгалын итгэлцүүрээр тооцож байна. Өнөөдрийн нийгмийн даатгалын шимтгэл сарын 42 мянган төгрөг байна. Жилээр нь тооцоод үзэхээр 504 мянган төгрөг. Тухайн иргэн 10 жилийн нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөж төлөхийн тулд таван сая төгрөг төлөх шаардлагатай болж байна. Энэ тухайн хүнд хүндрэлтэй болно. Учир нь малчид, хувиараа бизнес эрхлэгчид, тэтгэвэрт гарч чадахгүй байгаа хүмүүс чинь нийгмийн зорилтот, эмзэг бүлгийнхэн шүү дээ. Зээлээс зээлийн хооронд л амьдарч байгаа хүмүүс юм. Төрөөс хөнгөлөлт олгож байгаа л бол түүнийгээ бодитоор нь ойлгож олгох хэрэгтэй. Хэрэв тухайн жилийнх нь нийгмийн даатгалын итгэлцүүрээр тооцох юм бол магадгүй арван сая төгрөг 2-3 сая төгрөгөөр буурах боломжтой. Үүнийг л тухайн жил, хувь хэмжээнд нь дүйцүүлж хийх ёстой байсан. Гэтэл өнөөдрийн бодлого хөрөнгө оруулалт, үр ашиггүй зардлууд нэмэгдэж, төсвийн тэнцвэртэй байдал алдагдаж байгаагаас болоод түүнийгээ нөхөх орон зайгаа үүгээр хийгээд байна. Үр ашиггүй зардлуудаа хэмнээд цалин, тэтгэврээ нэмэх, нийгмийн зорилтот бүлгүүдэд хүргэх асуудлуудад анхаарлаа хандуулах хэрэгтэй юм. Тэтгэврийн жилд 8-15 хувь нэмж байгаа ч ийм байдлаар явж болмооргүй байгаа юм. Тэтгэврийн доод хэмжээ болоод хамгийн өндөр авч байгаа хүмүүсийн хооронд маш их ялгаа бий. 320 мянган төгрөг авч байгаа нь байхад нэг сая 500 мянган төгрөгийн тэтгэвэртэй нь ч байна. Тэтгэврийг тэр чигт нь 10 хувиар нэмж байхаар доод хэмжээгээр авч буй хүмүүсийнхийг нь нэмж, тэтгэврийн доод хэмжээг хамгийн багадаа 400-450 мянган төгрөг болгомоор байна. Энэ нь өөрөө зорилтот бүлэг, нийгмийн халамжийн бодлого юм. Тэр ч утгаараа ингэж ялгавартайгаар хандах ёстой.

-Монголчууд Оюу толгойн эзэмшлийн хувиасаа буюу 34 хувиасаа татгалзах нь гэх асуудал мэр сэр яригддаг. Ойрын хугацаанд ийм асуудал үүссэн үү, хэрэв зарсан тохиолдолд ямар нөхцөл байдал үүсэх вэ?

-34 хувийг зарах тухай асуудал ямар түвшинд, хэн ярьсныг хэлж мэдэхгүй юм. Тийм мэдээлэл надад алга байна. Зарчмын хувьд 34 хувийн эдийн засгийн үр өгөөжөө өөр байдлаар орлуулах боломжтой юу гэвэл боломжтой. Ер нь бол бид Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулаад 10 дахь жилдээ хүрч байна. 10 жилийн хугацаан дахь гэрээний хэрэгжилт, нөхцөл байдалдаа бодит үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид бодлогын томоохон эрс шинэчлэлт, өөрчлөлт хийх боломж байгаа. 34 хувь гэдэг нэг талаасаа эдийн засгийн үр өгөөжийн үнэлгээтэй зүйл. Бид 34 хувийг эзэмшсэнээрээ энэ төслөөс эдийн засгийн үр өгөөжөө ногдол ашиг, татвар байдлаар авна. Бид энэ 34 хувьд ногдох үр өгөөжийн түвшингээ бууруулахгүй, хадгалж, тэр хэмжээ түвшиндээ дүйцэхүйц хэмжээгээр магадгүй АМНАТ рүү шилжих, ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр нэмж авах, орлуулах асуудал байж болно. Эсвэл газрын тосны салбарын бүтээгдэхүүн хуваах гэрээний хэлбэрээр ашиг орлого, үр өгөөжөө шууд бүтээгдэхүүн хуваах хэлбэр лүү ч шилжиж болно.

Бид 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа хоёр талаас эдийн суурь ойлголцол, зөвшилцөлд хүрч, гэрээг байгуулж байсан. Тухайн төслийн эдийн засгийн үндэслэлээр нийт 14,6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, зэсийн үнэ хамгийн түүхэн доод үнэдээ буюу 4400 доллар байхад төслөөс нийт 118,7 тэрбум ам.долларын борлуулалтын орлого наанадаж олно гэж тооцож байсан. Түүнээс Монголын талд ногдож ирэх үр өгөөж нь 45 орчим тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа. Зардлаа хасаад үзэхэд нэрлэсэн үнээр төслийн нийт үр өгөөжийн 53 хувь нь манай талд ногдоно гэсэн үг. Энэ бол бидний 34 хувийг эзэмшсэний нь үр өгөөж, эдийн засгийн үнэлгээ. Нэрлэсэн үнэ цэнээр 53 хувь юм. Өнөөгийн үнэ цэнээр мөнгөн дүнд шилжүүлэхэд 59 хувь болж байсан. Тиймээс бид энэ хувь хэмжээнээс доошлуулахгүй байх хэмжээний үр өгөөжийг татвараар, АМНАТ-аар орлуулан авч болно.Тийм байдлаар хэлэлцээ хийхэд болохгүй зүйлгүй. Төрийн бодлого шийдвэр, гэрээнийхээ хэрэгжилтийг хянаж чадахгүй, бүтэц тогтолцоо нь тогтворгүй, нөгөө талдаа үндэстэн дамнасан корпорациудтай ажиллах туршлагатай боловсон хүчингүй тохиолдолд магадгүй эрс шийдэмгий шийдвэр гаргаж, 34 хувиасаа татгалзаж болно. Сул талаа нуухын оронд засахыг хичээ гэж үг байдаг. Цаашид төрийн энэ хяналт, хариуцлага сул цагт өөрсдөдөө илүү хялбар байдлаар илүү үр өгөөж авах,магад зөвхөн татвараар бүрдүүлдэг тогтолцоо руу шилжих нь бидэнд илүү дээр. Үүнийг бид УИХ-аар ярих л ёстой.