Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Ариунзаяа: Хүн амаа хосолмол аргаар тоолно

Хүн ам, орон сууцны ээлжит тооллого болох гэж байгаатай холбоотойгоор Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяатай ярилцлаа.


-Хүн амын тооллого 10 жил тутамд нэг удаа явагддаг. Энэ удаагийн тооллогын онцлог нь юу байх бол. Яг хэдийд эхлэх вэ?

-Монгол Улсын Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого нь бүртгэл, уламжлалт аргыг хослуулан явуулж байгаагаараа онцлогтой юм. Тиймээс Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого ерөнхийдөө эхэлсэн гэж үзэж болно. Учир нь Монгол Улсын хүн ам, өрхийн мэдээллийн сан болон бусад төрийн мэдээллийн сантай тулгалт, баяжилт хийх ажил хийгдэж байгаа.

Монгол Улсын Хүн ам, орон сууцны тооллогын уламжлалт аргаар тоолох үйл ажиллагаа энэ сарын 9-ний 08:00 цагт эхэлнэ.

Тооллого болон аливаа статистик мэдээлэл өөрийн гэсэн цаг хугацааны тасалбартай. Энэ тасалбарыг тооллогын хувьд тов гэж нэрлэдэг. Товыг нэгдүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 00:00 цагаар товлоод, 9-ний өглөөнөөс эхлүүлж байгаа. Үүнийг УИХ-аас хоёр жилийн өмнө тогтоодог.

Монгол Улсын хүн амын тооллогыг Ерөнхий сайд удирддаг. Тооллого долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ.

-Энэ удаагийн тооллогын аргыг дэлгэрэнгүй тайлбарлаач, тооллогын үр дүн хэзээ гарах вэ?

-Нэгдүгээр сарын 8-9-нд шилжих шөнө 00:00 цагаар Монгол Улсын хүн ам, өрхийн мэдээллийн санг хуулбарлан хадгалж бусад төрийн мэдээллийн сангуудтай уялдуулснаар тооллогын мэдээллийн санг бүрдүүлнэ. Улмаар маргааш өглөөнийх нь 08:00 цагаас эхлэн манай бэлтгэгдсэн тоологчид нийт хүн амын 10 хувийг тоолохын тулд энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон айлаар орж цаасаар мэдээлэл цуглуулна.

Мэдээлэл боловсруулалтын хугацаа таваас зургаан cap үргэлжилдэг. Авчирсан мэдээллээ шивнэ, нэгтгэнэ, хянана гээд багагүй цаг хугацаа шаарддаг. Хүмүүс тооллогыг зүгээр л нэг тоолоод өнгөрөх мэт ойлгодог. Угтаа хүн амын тооллого нийгэм, эдийн засгийн цогц судалгаа байдаг.

Төрөөс хэрэгжүүлсэн бодлого иргэдэд хэр зэрэг хүрсэн бэ гэдгийг ч харж болдог. Тухайлбал, монгол хүн амьдралын ямар хэв маягтай, ам бүл хэдүүлээ, ямар сууцанд сууж байгаа эсэх, цахилгаантай, ундны усны ариун цэвэр нь хангагдаж байгаа юу, боловсролын түвшин, шашин шүтлэг нь юу болох зэрэг бүх мэдээллийг цогцоор нь гаргаж ирдэг. Энэ ч утгаараа өнөөдөр дэлхий нийтэд мэдэгдэж байгаа хамгийн цогц судалгаа юм.

-Хүн амын 10 хувиа уламжлалт аргаараа тоолоход нийт дүр зураг нь харагдах нь ээ гэж ойлгож болох уу?

-Ойлгож болно. Гэхдээ үндсэн суурь мэдээллээ Хүн ам, өрхийн мэдээллийн сангаас эхлээд авна. Дараа нь энгийн санамсаргүй түүврээр сонгогдсон арван хувиа тоолохдоо бусдад ил байхааргүй хувь хүний нууцтай холбоотой зарим мэдээллийг дэлгэрэнгүй асууж гаргана.

Ер нь бол Хүн ам, өрхийн мэдээллийн санг 1972 оноос хойш Баг, хорооны Засаг дарга нар хөтөлж байгаа. Энэ сан нь анхан шатанд бүртгэгдэж буй хүн ам, өрхийн талаарх нэлээд дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан байдаг.

-Нийт хэчнээн иргэн тоологдох вэ?

-3.3 сая орчим хүн тоологдоно.

-Гадаадад байгаа монголчуудаа хэрхэн тоолох вэ?

-Энэ удаагийн тооллогын онцлог нь бүртгэл, уламжлалт аргыг хослуулан явуулж байгаа. Тиймээс гадаадад суугаа иргэдийг суурь бүртгэл болон Гадаад хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хил хамгаалах ерөнхий газрын мэдээллийн сангуудыг уялдуулан тоолно. Дээрээс нь айлуудаар орохдоо ч гадаадад амьдарч буй хүмүүсийнх нь мэдээллийг авах юм.

-2010 оны тооллогоор ямархуу дүр зураг гарч байв?

-2010 онд Монгол Улс хоёр сая 756 мянга 685 хүн тоолсон. Тухайн үед Монгол Улсын нийт хүн амын 4.7 хувь нь гадаадад амьдарч байсан.

Улаанбаатар дахь хашаа, сууцанд суудаг амьдардаг иргэдийн тоо нэмэгдэж, 320 гаруй мянган өрх нийслэлд бий болчихсон байсан. Эрчим хүчний салбарт ахиц дэвшил гарч, цахилгаанд холбогдсон байдал нь нэмэгдсэн байв. Өрхийн сууцны нөхцөл байдал сайжрах магадлалтай байсан. Энэ удаагийн тооллого дээр бүр илүү сайжирсан байх болов уу.

Учир нь сүүлийн 10 жилд 40 мянган айлын орон сууц гэх мэтээр орон сууцтай холбоотой томоохон төслүүд хэрэгжлээ шүү дээ. Аймгийн төвүүд дээр ч орон сууцууд баригдаж эхэлсэн. Өмнө нь 90 орчим хувь нь буддын шашинтай байсан бол 2010 онд христийн шашны урсгал өргөн тархсан нь ажиглагдаж байлаа.

Мөн өмнөх тооллогоор 1969 оноос хойш хийгдээгүй байшин орон сууцны фондын тооллогыг хийсэн. Одоо энэхүү хоёр тооллогын дүнг нийлүүлээд Монгол Улсын нийт хүн ам хэчнээн ам метр орон сууцанд суудаг болох, цаашид хэчнээн хэмжээний орон сууц хаана хэрэгцээтэй вэ гэдгийг гаргах ёстой.

Хүн амын тооллого хийж дараагийн 30 жилд Монгол Улсын хүн ам хэд болох вэ гэдгийг ч нягталдаг. Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогод үндэслэн хэтийн тооцоогоор Монгол улсын хүн ам 2031, 2032 онд дөрвөн сая, төрөлтийн чиг хандлага хэвээр хадгалагдсан тохиолдолд 2045 онд таван сая хүн амтай болох тооцоо гарсан.

ҮСХ-ноос Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогын дараа Хүн амын хэтийн тооцоог 2050 он хүртэл шинэчлэн тооцно.

-Хүн амын тооллогод иргэдийн зүгээс ямар оролцоотой байх вэ?

-Тоологч нар энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон өрхөд нэгдүгээр сарын 9-ний 8:00 цагаас эхлээд долоо хоногийн хугацаанд уламжлалт арга буюу цаасан асуулгаар тооллогын мэдээллийг цуглуулна. Иргэдийн хувьд тоологчийг гэртээ оруулах, үнэн зөв мэдээллээ өгөхөд л тооллогод оруулж буй томоохон хувь нэмэр юм.

-Хүн ам, орон сууцны тооллого явуулахад хэр хэмжээний зардал гарахаар байгаа вэ?

-Бүртгэл, уламжлалт тооллого хоёрыг хослуулсан нь Монгол Улсын бүртгэлийн систем харьцангуй сайжирсныг илтгэж байгаа. Тиймдээ ч бид нүсэр зардал гаргахгүйгээр бүртгэл, уламжлалтаа хослуулан тооллогоо явуулна.

Шаардагдах байсан төсвөөс дөрөв дахин бага төсвөөр хийнэ. Дэлхий нийтийн чиг хандлага нь бүртгэлд суурилсан цахим хэлбэрт шилжиж байна. Бидний хувьд ч энэ чиглэл рүү зорьж байгаа. Энэ удаагийн хосолмол тооллогын нэг хэсэг болох уламжлалт буюу цаасаар асуух хэлбэр нь сүүлийн удаа ч байж мэднэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

2020 он шинэ эргэлт, шинэ сонголтын жил байх болно

Шинэ он гарлаа. Ард түмний ааш аяг, хандлага чигийг анзаарах нь ээ шинэ эргэлт, шинэ сонголтын жил болохоор байна. Иргэд өмнөх шиг популист улстөрчдийг дагаж хуйлрахаа больчихож. Хэн нь үнэн, хэн нь худлаа яриад явааг ялгаж салгаж эхэлсэн зураг харагдаж байна. Олзуурхахаар өнцөг мөнөөсөө мөн. Амьдралд нь нэмэртэй зүйл ярьж, хэрэгтэй шийдэл хайж зүтгэж яваа улстөрчдийн үгийг тогтож сонсдог хүний тоо сонгуулиас сонгуулийн хооронд нэмэгдэж байгаа. Наад зах нь л өмнө нь уул уурхай гэхээр үзэж чаддаггүй байсан нийт олонх одоо уул уурхайгаас ихэнх доллараа олдог, доллар олох хэрээр төгрөгийн ханш сулардаггүй, авдаг хэдээрээ амьдралаа дажгүй аваад явах бололцоотой гэдгийг олооод харчихаж. Товчхондоо уул уурхайгүй бол хэцүүднэ гэдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрдөг болжээ.

Төдийгөөс өдий хүртэл орон нутгийн иргэд уул уурхайг хориглож, тэмцэж, хаахыг шаардсаар ирсэн гэхэд дэгсдүүлэг болохгүй. Дахин онцлоход энэ байдал өөрчлөгдөж байна. Уурхайтай газар амьдрал буцалж, амьжиргаа дээшилж, уурхай дагаад үйлдвэрлэл хөгждөг гэдгийг мэдэрчихээр аргагүй л дээ. Уул уурхай гэхээр уурхай ажиллуулах төдий ажил биш болохыг олонхоороо олоод харчихна гэдэг том олзуурхал. Олборлолт явуулж байгаа уурхайг дагаад шатахуун, ариун цэврийн цаас нийлүүлдэг компанийн бизнес цэцэглэж, ажлын хувцас, хүрз жоотуунаас эхлээд цемент, тоосго гээд өчнөөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгждөгийг мэдэхтэйгээ болоод байна, нийт олноороо. Байгалийн баялгийнхаа ашиг шимийг хүртэж буй аймгууд нүдэн дээр нь хөгжиж цэцэглээд байхад арга ч үгүй биз. Шуудхан хэлэхэд өнөөдөр уул уурхайгаас өөр гялайж, гялтайж байгаа зүйл үнэндээ алга.

Мэдээж уул уурхай бол эдийн засаг тэлэх суурь. Уул уурхайгаас олох мөнгөөр бусад салбараа өндийлгөөд ирвэл Монголын эдийн засаг дороо тэлээд ирнэ. Энэ онд болон ирэх жилүүдэд цөөнгүй сайн мэдээ биднийг хүлээж байгаа. Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж буй нефтийн үйлдвэр 2021 оноос ашиглалтад орно. Таван толгойн нүүрсний ордоос Улаанбаатар руу метан хий нийлүүлээд эхлэх байх. Нүүрсний давхаргын метан хий нийслэлийнхний гэрийг дулаацуулаад эхэлбэл агаарын бохирдол асуудал биш болно. Одоогоор манай улс Австралийн компанитай хамтарч Таван толгойн орд дээр метан хийн нарийвчилсан судалгаа хийж байгаа. Амжилттай болбол нийслэлчүүдийг хийгээр хангахаас гадна урд хөрш рүү экспортолж доллар олох ч боломж бий.

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт амжилттай үргэлжилж байна. Түрүү жилийн сүүлээр гэхэд л үйлдвэрлэлийн хоёрдугаар босоо ам нь ашиглалтад орчихсон. Хүнээр бол уушги нь ажиллаад эхэлчихлээ гэж учир мэдэх улс олзуурхаж байна лээ. Нээрээ л тийм. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт өнөө жил амжилттай үргэлжилж таарна. Оюу толгойн ордын нийт баялаг, өгөөжийн 80 хувийг агуулж буй гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах хугацааг 2022 он хавьцаа гэж товлож буй. Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орчихвол төсөвт орох өгөөж нь эрс дээшлээд ирнэ. Дагаад эдийн засагт үзүүлэх дам нөлөө нь ч огцом өснө. Өнөө ч эдийн засгийн хөдөлгөгч хүч болж яваа Оюу толгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх тэр цагт монголчууд энэ төслийн үр өгөөжийг илүү тодоор мэдэрнэ. Тэр хэрээр уул уурхайг адлах иргэдийн хандлага зөөлөрнө, хайгуул, олборлолтыг эсэргүүцэн жагсдаг элдэв цуглааны тоо цөөрнө. Уул уурхайг эсэргүүцэж попроод л УИХ-ын гишүүн болдог зөвхөн Монголд л байдаг гайхмаар үзэгдэл домог болно. Уул уурхайн хувьд нэмж хэлэхэд хариуцлагагүй ажиллаж яваа жижиг уурхайнуудад төр төмөр нүүрээ харуулж, хариуцлагатай, эдийн засагт өгөөжөө өгсөн төсөл хэрэгжүүлж яваа компаниудаа дэмжээд дэмнээд явчихад л улсаараа дажгүй амьдрах асуудал биш.

Хайгуулын салбараа хааж боосон бодлого хэрэгжиж байгаа ч одоо хэрэгжиж яваа цөөн сайн төсөл бий. Оюу толгойн дараа жагсахуйц том орд нээх амбицтай “Кинкора”-гийн төсөл байна. Алт, зэсний дажгүй орд нээх ажил нь энэ жил ч үргэлжилнэ. Баянхонгор аймаг дахь Баян хөндийн алтны гэж ирээд яривал цөөн ч гэлээ хайгуулын төсөл хэрэгжиж байгаа нь эдийн засгийн гялтайх мэдээнүүдийн нэгд зүй ёсоор багтана.

Таван толгой компанийг IPO-г дурдахгүй өнгөрч болохгүй. Компанийн 30 хүртэлх хувийн хувьцааг Олон улсын хөрөнгийн биржээр арилжаалж хөрөнгө босгоно гэсэн зорилгыг Засгийн газар өмнөө тавиад багагүй хугацаа өнгөрч байна. 1.5-3 тэрбум ам.долларын санхүүжилт босгохоор төлөвлөгөөтэй IPO амжилттай болно гэж албаныхан тодотгож байгаа. Энэ оны хоёрдугаар сар гэхэд IPO хийх бэлтгэл ажил хангагдаж, дөрөвдүгээр сард багтаан хувьцааг нь гаргах юм билээ. IPO амжилттай болбол Монголын төрийн өмчийн оролцоотой анхны компани олон улсын зах зээлд гарна гэсэн үг. Аж ахуйн нэгжүүд ч гадны зах зээлд нүүр бардам хөл тавьж эхэлцгээснийг энэ дашрамд онцолъё. “Монпеллетс” компани Европын холбооны “Эко фарм” шалгуурыг давж монгол хонины ноосоор органик био бордоо үйлдвэрлэн экспортлохоор болсон мэдээ оны өмнө хөвөрсөн. Хаягдсан ноосыг малчдаас авч шахмал үрлэн бордоо үйлдвэрлэдэг тэд 2022 он хүртэл ХБНГУ руу бүтээгдэхүүнээ экспортлох гэрээ хийж чаджээ.

Улс төрийн хувьд хуулиа дагадаг соёл бий болох гэрэл гэгээ ч хонгилын үзүүрт байна. 2020 оны сонгуулиар Монгол Улсын төлөөх хуулийг баталдаг шинэ үе гарч ирнэ байх. Элдэв попролт ч багасах биз. Учир нь иргэдийн сонголт өөрчлөгдөнө. Дохио зөн нь ч нийгэмд мэдрэгдээд эхэлсэн. Эрүүл саруулаар сонголт хийх иргэдийн тоо сонгуулиас сонгуулийн хооронд нэмэгдсээр байгаа. Өнөө жил мэдрэгдэхүйц өөрчлөлт гарна гэдэгт эргэлзэх юм алга. Наад захын жишээ нь эрүүл, зөв хүмүүсийг УИХ-ын сонгуульд дэмжих зорилготой “Электорат” хөдөлгөөн байна. Нийгэм үгийг нь сонсдог элитүүд, сэхээтнүүд, олны танил эрхмүүд энэ хөдөлгөөний гишүүд. Тэд зөв хүмүүсийг дэмжиж нийгэмд нөлөөлөөд эхэлчихсэн. М.Энхсайхан, Баабар, Э.Бат-Үүл тэргүүтэй улстөрчдийн санаачилсан “Сонгогчдын боловсрол” төрийн бус байгууллагынхан идэвхтэй ажиллаж байгаа. Ардчилсан нийгмийн үнэт зүйл, ардчиллаас ухарч популизмаар явсан улс орнуудын сүйрэл гэх мэт ухаан, сэхээ өгсөн цуврал лекцүүд нь олонд хүрээд удаж байна. За тэгээд “Уухай” хөдөлгөөний залуус энэ тэр гээд яривал сонгогчдын боловсрол, хандлага руу хандсан хүчтэй нөлөөлөл идэвхжиж байгаа. Олзуурхаж, алга ташихаар хандлага. Улсынхаа хөгжлийг гэсэн чин сэтгэлтэй залуу үе хүч түрж гарч ирсний наад захын тод жишээ нь Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс анзаарагдсан. Үндсэн хуульд орсон өөрчлөлтүүд алсыг харсан, ихийг тунгаасан, олон улсын гэрээ конвенцид яв цав нийцсэн тун ч чамбай болсныг хэн ч хүлээн зөвшөөрнө. Хамгийн наад захын жишээ л гэхэд Засгийн газрыг тогтвортой, хариуцлагатай ажиллуулах чухал өөрчлөлтийг хийж чадсан. Давхар дээлийг хязгаарлаж, Засгийн газрыг эмхлэн байгуулах журмыг тодорхой болголоо. УИХ-ын элдэв хандлага, поп улстөржилт Засгийн газарт том төслүүд хэрэгжүүлэх боломж олголгүй өнөөг хүрсэн нь нууц биш. Харин ирэх Засгийн газар бие дааж төсөл хэрэгжүүлэх чадамжтай болсон. Хүчтэй засагтай улс хөгждөг дэлхийн жишгээр алхах гэж байгаа нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн л өгөөж.

Шүүх засаглалыг тэгш, шударга байхад чиглэсэн өөрчлөлтүүдийг ч хийв. Сонгуулийн тухай хуулиар авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон нь тогтоогдсон хүмүүс УИХ-д нэр дэвшихээргүй боллоо. Энэ нь төрд өндөр босго тавьсан чухал өөрчлөлт болов. Энэ бүхний дүнд бид хэдэнтэй урагш алхах нь дамжиггүй. Ер нь манайх шиг ардчилсан засаглалтай оронд сайн хууль гаргачихад л болчихдог юм аа. Цаашид ч энэ мэт хэд хэдэн сайн хууль гаргах хэрэгтэй байна. Авлигын хэргүүдийг хумьсан, тендерийн замбараагүй байдал, ар өврийн хаалгыг цэгцэлсэн хуулиудыг батлах нь чухал.

Улсын Их хурлын сонгуулийн дараагаар Ерөнхийлөгчийн сонгууль болно. Нэг бус нэлээд хэдэн удаагийн сонголт хийж багагүй туршлага хуримтлуулсан бид мэргэн сонголт хийхийг зорих нь мэдээж. Намууд ч цаг үеэ мэдэрч зөв зүйтэй хүнээ нэр дэвшүүлж, соёлтой өрсөлдөөнийг харуулах биз. Ингээд харахад 2020 он бидэнд шинэ эргэлтийн жил болох нь ээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Ундраа: Нэг мандаттай аймгуудыг хоёр мандаттай болгох хувилбар яригдаж байгаа


УИX-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.


-Тэтгэврийн зээлийг тэглэх тухай ҮАБЗ зөвлөмж гаргажээ. Эдийн засагчид судлаачид янз бүрийн л байр суурь илэрхийлж байна. Тэтгэврийн насны хүмүүсээ нэг удаа дэмжих нь болохгүй зүйл үгүй гэдгийг хэлэх нь ч байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Тэтгэвэр нэмэх, 1990-ээд онд хэт багаар тогтоосон зохистой хэмжээнд тогтоох зэрэг арга хэмжээ авах нь ахмад настны амьдралын чанарын асуудалд чухал нөлөөтэй. Гэвч зээлийг тэглэх нь эдийн засагт сөрөг үр дагавартай, инфляц нэмэгдэх, өргөн хэрэглээний барааны үнэ өсөх зэргээр хүндрэл бэрхшээл авчирна гэж бодож байна.

Монголбанкны ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг зогсоох чиглэл банкуудад өгсөн, Сангийн сайд төсвийн тодотгол хийхгүй гэж мэдэгдсэн нь сайн хэрэг. Хэдий тийм ч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан, Засгийн газар бонд шинээр гаргана гэх зэрэг мэдээлэл яригдаж, сайд нар өөр, өөр байр суурьтай байгаа харагдаж байна.

Бонд гаргалаа гэхэд тодотгол хийхээс өөр аргагүй байдалд орно. Гэтэл төсөв алдагдалтай батлагдсан, байдал улам дордох тийшээгээ явах дүр зураг харагдаж байгаад харамсаж байна. Засгийн газар байр сууриа тодорхой болгож кабинетын зарчмаар мэдэгдэл гаргана гэж найдаж, хүлээж байна даа.

-Сонгуулийн тухай хуулийг УИХ баталлаа. Сонгуулийг томсгосон тойргоор явуулах нь зүйтэй гэж үзсэн нь зөв үү?

-Сонгуулийн тойргийг томсгосон тойргоор явуулж байгаа нь жижиг 76 мажоритар, пропорциональ системийн дундын хувилбар. Үр дүн нь илүү шударга, бодитой гардаг сонгуулийн систем гэж харж байгаа. Тэр утгаараа ахиц дэвшил болсон.

Гэхдээ бодит байдал дээр томсгосон тойргоор сонгуулийг явуулахад тухайн тойрогт өрсөлдөж буй нэг намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлддөг. Магадгүй нэгнийгээ гүтгэж харлуулах, эсвэл илүү мөнгөтэй нэр дэвшигч нь олон ухуулагч хөлслөх, самбар, мэдээллийн хэрэгслээр илүү түрж ажиллах зэргээр өөрийгөө таниулдаг.

Тиймдээ ч сонгуулийн санхүүжилтээс хамаарсан систем. Тухайн намын нэр дэвшигчид хоорондоо таарамжгүй, эсвэл өрсөлдөөд эхлэх юм бол тэр намын мөрийн хөтөлбөр нь утгаа алдана. Угтаа нам олонх болж мөрийн хөтөлбөрөө биел үүлэн бодлого хэрэгжүүлэх ёстой. Энэ утгаараа бодлогын мухардалд оруулах эрсдэлтэй систем гэж харж байна.

-Энэ тогтолцоо нь залуучууд, эмэгтэйчүүдэд боломж олгодоггүй сөрөг талтай гэх юм. Энэ хэр бодитой вэ?

-Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшигчдийн 20 хувьд нь заавал эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх квоттой. Нэр дэвших процесст сонгуулийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх чадвар, нөхцөл бололцоо зэргийг харгалзан үзэх юм бол манай соёлын онцлогоос хамаараад эрэгтэй нэр дэвшигчдэд давуу тал үүсдэг. Энэ утгаараа аль ч намын хувьд эрэгтэй нэр дэвшигч давамгайлдаг.

Энэхүү байдлыг засаж, хүний эрхийн хувьд тэгш боломж олгохын тулд квотын системээр сонгуулийг явуулдаг. Квотыг 30 хувиас доошгүй болгох заалтыг оруулахын тулд эмэгтэй гишүүд, иргэний нийгмийн байгууллагууд идэвхтэй ажилласан. Гэсэн ч энэ заалт хоёр саналаар ялагдсан юм.

Улс төрийн хувьд энэ өөрчлөлтийг хийхэд дөхөж очсон ч харамсалтай нь дэмжигдээгүй. Аль ч хүйсийг эн тэнцүү нэр дэвшүүлдэг болсон цагт ийм квотын систем шаардлагагүй болно. Тодруулбал, квот үгүй болох шаардлага нь эрх тэгш байдал хангагдах явдал юм. Эмэгтэй гишүүдийн тоог нэмэх нь нийгмийн эмзэг асуудлуудыг шийдэхэд асар чухал үүрэгтэй гэж хардаг.

Үе үеийн парламентын эмэгтэй гишүүд ч энэ үүргээ сайн биелүүлсээр ирсэн. Гэлээ ч тодорхой шийдвэр гаргахад эмэгтэй гишүүдийн хүч дутдаг нь үнэн. Энэ ч утгаараа эмэгтэй гишүүдийн тоог нэмэх, эрэгтэйчүүдийнхтэй ижил болгох нь нийгмийн эмзэг асуудлыг шийдэхэд чухал үүрэгтэй.

Гэсэн хэдий ч энэ нь сайн эмэгтэй, муу эмэгтэй эсвэл сайн муу эрэгтэйн тухай асуудал бус, сайн муугийн тухай бус тэгш эрхийн тухай асуудал юм. Сайн муу гэх нь үнэн, шударга ёсны тухай хүйсээс үл хамаарах асуудал.

Сонгуулийн тухай хууль батлагдаж, сонгууль дөхөхийн хэрээр УИХ-д зөв, ёс зүйтэй хүнийг нэр дэвшүүлэхэд чиглэсэн маш олон хөдөлгөөнүүд бий болж байна. Залуучууд 2020 оны сонгуульд илүү идэвхтэй оролцох хандлага ажиглагдаж байгаа нь тун сайшаалтай үйл хэрэг.

“Уухай” зэрэг хөдөлгөөнүүд авлига, хээл хахууль, хууль бус үйлдлийн эсрэг нэгдэж байгаа нь зөв зүйтэй боловч УИХ-д нэр дэвшүүлэх субъект нь улс төрийн нам. Эсвэл бие дааж нэр дэвшинэ.

Тэгэхээр олон намын төлөөллүүд нэгдсэн хөдөлгөөнүүд өөрсдийнхөө юуг эрхэмлэж байгаа, юуны төлөө явж байгаа вэ гэдгээ нийгэмд тодорхой хүргэх нь зүйтэй байх. Нөгөө талдаа энэ хөдөлгөөнүүд нь нэр дэвшүүлэх чадамжтай, мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх субъект биш.

Тиймдээ ч улс төрийн намын мөрийн хөтөлбөрийг авч үзэх зүй ёсны шаардлага урган гарна.

Тиймээс залуучууд улс төрийн намын мөрийн хөтөлбөрийг анхааралтай ажиглах, шаардлага хүргүүлэх, тодорхой нийгмийн асуудлуудыг тусгасан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, нийгмээрээ энэ талаар өргөн хүрээнд ярилцах, шүүмжлэх, задалж анализ хийх, анхааралтай ажиглах нь чухал.

-Одоо тойрог, мандат хуваарилах ёстой. Нийт хэчнээн тойрогтой байхаар тогтож байгаа вэ?

-Мандатын хуваарилалтыг одоохондоо хийгээгүй байгаа. Албан бус мэдээллээр нийслэлийн дүүргүүдийн мандатын тоог цөөлөх, орон нутагт нэмэгдүүлнэ гэсэн чигтэй байна. Хүн амынхаа тоотой дүйцүүлэх юм бол мэдээж Улаанбаатар хотод Монголын хүн амын тал хувь нь амьдарч байгаа учраас 76 мандатын тэн хагас нь оногдох ёстой. Гэхдээ өнөөдрийн байдлаар 28 мандат оногдож байна.

Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн тус бүр зургаан мандатыг нэгээр бууруулах, төвийн дүүргүүдийн мандатыг ч мөн нэгээр цөөрүүлэх, нэг мандаттай аймгуудыг хоёр мандаттай болгох зэрэг мэдээлэл байна. Гэхдээ энэ нь хараахан батлагдаж, нотлогдоогүй байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

-УИХ-ын ээлжит сонгууль явуулахад хэдхэн сарын л хугацаа үлдлээ. Таны хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу хийж амжуулав. Ер нь төрд гараад ард иргэдийн төлөө санасан хэргээ гүйцэлдүүлж чадав уу. Тийм боломж байдаг юм байна уу?

-Төрийн түшээ болж цөөнгүй хууль санаачиллаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлалцан түүхэн шийдвэрийн нэг хэсэг болсондоо баяртай байна.

Хууль тогтоомж бодлого шийдвэрийг нэг болон олон гишүүд нийлж санаачлах боловч батлахдаа олонхын шийдвэрээр шийдэгддэг. Тийм учраас хамтын шийдвэрийн байгууллага, парламентын засаглалын амин сүнс нь олонхоо дагадагтаа юм. Тиймдээ ч идэвхтэй санаачлахаас гадна оролцоно гэдэг бас чухал.

Тойргийн бүтээн байгуулалтын ажлыг төсөвт суулгах талаар ажилласан. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж, зам талбай гэх зэрэг татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн ажлыг өөрсдөө хийсэн мэтээр тууз хайчилдаг явдлыг анхнаасаа таашаадаггүй байсан.

Тэр утгаараа төсвөөр хийгдсэн ажлыг би хийлээ гэж хийрхэх улс төр зохисгүй. Харин шинжлэх ухаан, боловсролын чиглэлээр оюутан залуусыг дэмжих, тойргийн сургуулиудын элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл гэх зэрэг ажлууд, миний ахлан ажилладаг Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны зүгээс НҮБ-д тавьсан Үндсэн анхны улс төрийн өндөр түвшний сайн дурын тайлан, илтгэл зэргийг дурдмаар байна. Ажлаа нэгтгэн тайлангаа видео болон бусад форматаар бэлдэж байгаа.

-Та ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна вэ. Ач холбогдлыг нь юу гэж харж байгаа бол?

-Одоогоор хоёр хуулийн төсөл бэлтгэж хууль тогтоох үндсэн ажлаа хийж байна. Тухайлбал, Шинжлэх ухаан технологийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсгийг ахалж байна. Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай болон Хөдөлмөрийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Эрдэнэсийн сангийн тухай хуулийг санаачилж, төслийг бэлэн болгосон.

Өргөн барих тов хүлээж байна. Номын баярын өдөртэй болох хуулийг санаачилж, үзэл баримтлалыг боловсруулсан. Ном, хэвлэлийн салбар, утга зохиолын судлаач зэрэг хүмүүсийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Номын баярын өдөр нь тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт хэлбэрээр орно, амралтын өдрийн тоог нэмэхгүй. Амралтын өдрүүдэд давхцуулах байдлаар Номын баярын өдөртэй болох юм.

Хүүхэд залуучуудыг уншихад дуртай болгох, номын сангуудын шинэчлэл дижитал хэвлэл зэргийг төрөөс бодлогоор дэмжих, нийтээр анхаарахад зориулсан нийтийн баярын өдөр байх болно.

Эрдэнэсийн сангийн тухай хуулиас миний хамгийн их ач холбогдол өгч буй нэг заалт бий. Олборлосон алтыг Монголбанк худалдаж авахдаа ямар гарал үүсэлтэй, олборлох явцдаа байгаль орчинд ээлтэй байсан эсэхийг тооцоолох, тэдгээрт хяналт тавих боломжийг нээсэн зохицуулалт уг хуульд орж байгаа.

Энэ нь Эрдэнэсийн сангийн тухай хуулиар дамжуулж байгаль орчны нөлөөлөлд эерэг үр дүн үзүүлэх чухал үүрэгтэй гэж үзсэн.

-Таныг Хөдөлмөр эрхлэх сангаас мөнгө авсан гэх юм. Үүнд тайлбар өгөөч?

-Энэ ташаа мэдээллийг залруулж, албан ёсны байр суурийн энэ ярилцлагаар илэрхийлмээр байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гишүүд мөнгө авсан мэтээр мэдээлэл гарч байгаа. Энэ дотор миний нэрийг дурдаж бичсэнд би маш их гайхаж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас миний бие болон миний хамаарал бүхий компаниуд нэг ч төгрөг аваагүй. Шалгаж байгаа гэх мэдээлэл хэвлэлээр гарч байгаа боловч энэ байгууллагаас, ийм үндэслэлээр шалгаж байгаа гэх албан ёсны мэдээллийг хэн ч надад хэлээгүй. Энэ бол цэвэр гүтгэлэг.

Ямар нэгэн байдлаар шалгаж байгаа гэдэг нь тодорхой болох юм бол үүнийг цааш нь тодруулж, залруулга хийхийг шаардах болно.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Ч.Улаан: Хөдөө аж ахуйн салбар дахь нөөц бололцоогоо бүрэн дайчилвал уул уурхайгаас олж байгаа экспортын орлогыг олох боломжтой


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.


-Ес эхэлж жавар тачигнасан өдрүүд үргэлжилж байна. Энэ цаг үед өвөлжилт ямар байгаа бол?

-Өвөлжилтийн бэлтгэл хангах Засгийн газрын тогтоол наймдугаар сард гарч, тодорхой чиглэл өгсөн. Энэ дагуу аймгуудын Засаг дарга нар захирамж гарган өвөлжилтийн бэлтгэл хангах талаар тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа. Мөн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт байнга ажиллаж байна. Онцгой байдлын ерөнхий газартай хамтарсан ажлын хэсэг гарч анхаарал татаж буй газруудад очиж үнэлгээ хийж байгаа. Өвөл дундаа орон ес эхэлж, жигдрээд эхэлчихлээ. Нэг үгээр хэлбэл, нар наашилж байна. Энэ жилийн хувьд манай орны нийт нутгаар өвөлжилт харьцангуй тааламжтай байна. Нийтдээ цасан бүрхүүл тогтсон ч зудын түвшинд хүрсэн зузаан бүрхүүл алга. Бусад орнуудтай харьцуулахад цаг агаар харьцангуй дулаахан байна. Тиймдээ ч мал сүргийн өвөлжилтийн байдал харьцангуй тайван байна. Анхаарал татаж байгаа хэдхэн аймаг л бий.

-Тэдгээр нь ямар аймгууд байна вэ?

-Зуншлага муу, мал сүргийн тоо өссөн зэрэг шалтгаанаас үүдэн зарим сумдыг анхаарах шаардлагатай байгаа. Өвөрхангай, Дундговь, Завхан аймгийн зарим сумдад цас нэлээд унасан учир отор нүүдэл хийж байна. Говийн бүсийн зарим аймгуудад цас ороогүй хараар өвөлжиж байгаа учир малын ундны асуудал гарч байна. Эдгээр асуудлуудыг шуурхай зохицуулах арга хэмжээг авч байгаа. Хамгийн их отор нүүдэл хийсэн нь Дундговь, Өвөрхангай аймгууд. Бид ОБЕГ-тай хамтран эдгээр аймгуудад ажиллаж, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх асуудлыг Засгийн газраар шийдүүлсэн. Одоогоор өвөлжилтийн төлөв байдал суурин байдалтай байна. Отор хийж буй малчид зорьсон газраа очсон. Одоогоор отор нүүдэл хийж байгаа газар байхгүй. Харин отроор очсон газарт нь өвс тэжээлийг нь хангалттай байлгах, нөөцөлсөн өвс тэжээлээ ашиглах боломжийг бүрдүүлж өгч байна.Отроор явж буй малчдын тав тухыг хангах зорилгоор тэднийг хөөж, тууж, өртөг мөнгө нэхэхгүй, элдэв хүндрэл үүсгэхгүй байх тал дээр анхаарах чиглэлийг өгсөн.

Отор нүүдэл Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Булган, Архангай зэрэг аймгуудад голчлон хийгдсэн. Энэ газруудад зохион байгуулалтыг оновчтой хийж, хаваржуулах ажлыг үргэлжлүүлж хийх төлөвлөгөөтэй байна. Эдгээр аймгуудад хаваржилтын асуудал анхаарал татах нь дамжиггүй.Иймд өвс, тэжээл хүргэх ажлуудад анхаарал тавьж байна.

-Яамны зүгээс оны дараа Атрын дөрөвдүгээр аянаа эхлүүлнэ гэдгээ зарласан байх аа. Энэ талаар тодруулаач?

-Манайх атар газар эзэмшиж, шинжлэх ухааны үндэстэй бие даасан салбар болгоод 60 жил болжээ. Нэгэн жаран дуусч, ирэх жилээс шинэ жаран эхэлж байна. Манай яам энэ онд жаран жилийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, дараагийн жаран жилийн бодлого, зорилгыг тодорхойлох ажлыг хийсэн. Энэ үндсэн дээр газар тариалан эрхлэх системийг шинэчилж боловсруулсан. Манай улс сүүлийн 100 гаруй жилд газар тариалан эрхлэх хоёр үндсэн стратегийн баримт бичигтэй байсан. Анх 1924 онд Монголчуудын газар тариалангийн дүрэм гэж баталсан. Үүнийг 1960-аад оны эхээр Монгол Улсад газар тариалан эрхлэх ситем гэх нэрээр хоёр дахь удаагаа баталж,мөрдсөн. Одоо бид шинэ жарныхаа бодлого зорилгыг тодорхойлсон. Бид асар их хэмжээний судалгаа, шинжилгээ, дүгнэлтийн ажлуудыг хийлээ. Шинэ жарны ажлыг бүх нийтийн анхаарал төвлөрсөн, нийтийн үйл хэрэг байлгах зорилгоор Атрын дөрөвдүгээр аян буюу Газар тариалангийн тогтвортой хөгжлийн аян болгож зарлахаар Засгийн газраас шийдсэн. Энэ аяны бодлогыг тодорхойлох, ажлыг зохион байгуулах зөвлөл байгуулагдаж, ХХААХҮ-ийн сайд ахалж байна. Энэ зөвлөл ойрын үед Атрын дөрөвдүгээр аяны хүрээнд хийх ажлынхаа талаар дэлгэрэнгүйг Засгийн газраар батлуулна.

-Атрын дөрөвдүгээр аяны онцлог нь юу байх вэ?

-Дөрөвдүгээр аяны хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх замаар гол нэр төрлийн бүтээгдэхүүн, үр тариа, төмс хүнсний ногоогоор улсынхаа хэрэгцээг бүрэн хангах, цаашлаад хүнс экспортлох зорилготой. Манай улсад газар тариалан эрхлэх эдэлбэр газар хязгаартай.

Гэлээ ч үүнийг нэмэгдүүлэх, шинээр атар газар эзэмших зорилтыг тавихгүй. Харин ашиглаж байгаа тариалангийн талбайн өгөөжийг нэмэгдүүлж үржил шимийг нь сайжруулах хэрэгтэй. Мөн боловсронгуй арга технологи хэрэглэх, үрийнхээ чанарыг сайжруулах, ургамал хамгааллын бодисыг шинжлэх ухааны ач холбогдолтой хэрэглэх, хамгаалагдсан хөрсний тариалалт, усалгаатай тариаланг нэмэгдүүлэх замаар нэгж талбайгаас авах ургацаа арвижуулахад л гол зорилго чиглэж байна. Ингэснээр Монгол Улсынхаа хүн амын хэрэгцээг тогтвортой хангах юм. Хэдийгээр манай газар тариалангийн бодлого Атрын гуравдугаар аяны хэмжээнд сэргэж, хэрэгцээгээ хангах хэмжээний ургац хурааж авч байгаа ч үйлдвэрлэлийн түвшинд тогтворжоогүй. Энэ арван жилийн хугацаанд зарим жилд нь 20, 30 мянган тн, зарим жилд нь 400 мянган тн буудай хурааж авч байх жишээтэй. Тодруулбал, цаг агаарын нөлөөлөлд их өртөмтгий учир хэрэгцээгээ тогтвортой хангах баталгаа хараахан бий болоогүй байна гэсэн үг. Нөгөө талдаа хөрсний үржил шим жилээс жилд алдагдаж, эвдэрч байгаа нь орчин үеийн арга технологийг эзэмших хэрэгцээ шаардлагыг бий болгож байна. Энэ үүднээс бид Атрын дөрөвдүгээр аянаар газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, тогтвортой хөгжлийг бий болгохыг зорьж байгаа юм.

-Хувь тариаланчдад чиглэсэн ямар бодлого хэрэгжих вэ?

-Мэдээж төр засгаас бодлогоор дэмжиж байгаа. Энэ үйл ажиллагаа цаашдаа үргэлжилнэ. Газар тариалан, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар нь хүн амын амин чухал ач холбогдолтой хүнсний хэрэгцээг хангахад зориулагдсан байдаг. Тэр утгаараа хүнсээ бэлдэнэ, хэрэглэнэ, аюулгүй байдлыг хангана гэдэг бүх нийтийн үйл хэрэг. Бүх хүн энд оролцох ёстой. Ингэж байж л энэ зорилт хэрэгжинэ. Бүх нийтийн анхаарлыг төвлөрүүлэх зорилгоор ч атрын аяныг зохион байгуулж ирсэн. Энэ аянд төр, хувийн хэвшил хоорондоо хамтран ажиллана. Нөгөө талдаа аж ахуйн нэгжүүд, пүүс компаниуд, ард иргэд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод хамтарч ажиллах хэрэгтэй. Аяны хүрээнд энэ хамтын ажиллагааг оновчтой зохион байгуулах тал дээр анхаарч байгаа. Төрөөс бодлогоор, хөнгөлөлттэй санхүүгийн тусламж үзүүлэх, урамшуулах, техник технологийг шинэчлэх, үрийн үржил шимийг нэмэгдүүлэх тал дээр дэмжиж нягт хамтарч ажиллана.

-Тариалан эрхлэгчдийг дэмжих тусгай сан хэвээрээ байгаа юу?

-Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих сан байгаа. Энэ сангийн үйл ажиллагааг цааш нь өргөжүүлэх, илүү боловсронгуй болгох ажлыг хийнэ. Улсын төсвийн хууль батлах явцад Газар тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сангийн үйл ажиллагааг нэгтгэж Хөдөө аж үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих сан болгож хувиргасан. Энэ хүрээнд бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны арга механизмын хувьд багагүй өөрчлөлт орно. Цаашид бид тодорхойлсон бодлогоо хэрэгжүүлэхэд, эцсийн үр дүнгээ сайжруулахад, газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрээ эрчимжүүлэхэд илүүтэй урамшуулж ажиллана.

-Газар тариалан эрхэлдэг томооохон кампаниуд энэ салбараас гарч байгаа нь ямар учиртай юм бэ. Салбарын сайдын хувьд та юу гэж харж байгаа вэ?

-Энэ тухайн компанийн л асуудал. Бид төрөөс бодлогоор газар тариалангийн салбарт оруулах, гаргах асуудлыг шийдэхгүй. Бид ард иргэдийнхээ хэрэгцээг хангах ажлыг төр, хувийн хэвшлийн оролцоотой зохион байгуулах зорилготой. Бодлого, үйл ажиллагаагаа нэгтгээд үр ашигтай үйлдвэрлэл явуулах нь л чухал шүү дээ. Хэрвээ эдийн засгийн үр ашиггүй бол ямар ч компани тэрхүү үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүй. Тиймдээ ч үүнийг эдийн засгийн үр ашиг талаас харах нь зүйтэй.

-Махны нөөцийг хэр хэмжээнд бүрдүүлж байна вэ. 20 мянган тонн хүргэх зорилтдоо хүрч чадах уу?

-Махны нөөц бэлтгэх ажил яг одоо хийгдэж байна. Энэ жил 20-иод мянган тн мах нөөцлөх зорилготой. Улаанбаатар хотынхон жилийн хэрэгцээндээ 60-аад мянган тн мах хэрэглэдэг. Өнгөрсөн жил махны нөөцийн бэлтгэл бага зэрэг доголдож хугацаа алдан дөрвөн мянган тн мах л бэлдсэн. Үүнээс болоод өнгөрсөн хавар зах зээл дээр гарсан үнийн хөөрөгдлийг зогсоох боломж хязгаарлагдмал байсан. Энэ нь мах үйлдвэрлэл, экспортын үйл ажиллагааны зохицуулалтгүй, замбараагүй байдлаас болсон. Ирэх жил бид үүнийг дахин давтахгүй. Мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг хууль дүрмийн дагуу цэгцэлсэн. Стандарт техникийн нөхцөлийг баталж мөрдүүлсэн. Мах бэлтгэх хуваарь, зохицуулалтыг хийж өгснөөр эдгээр гажуудлууд арилж байгаа. Нөгөө талаар махны нөөцийн хэмжээг 20 мянган тонныг бэлдэхээр ажиллаж байна. Урьд нь зөвхөн арилжааны банкны зээлээр мах бэлддэг байсан бол энэ жил олон эх үүсвэрээс бэлдэж байгаа юм. Арилжааны банкны зээлээр аж ахуйн нэгжүүд нөөцийн мах бэлдээд, тодорхой хэмжээний хүүгийн урамшууллыг төрөөс хөнгөлж өгдөг механизм үргэлжилнэ. Энэ чиглэлээр аж ахуйн нэгжүүд арилжааны банкууд болон манай яамтай гэрээ хийж, махныхаа хуваарь зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөөр мах бэлтгэх санаачилга гаргаж байгаа. Өөрийн хөрөнгөөр нөөцийн мах бэлдсэн аж ахуйн нэгжүүд санхүүгийн дэмжлэг, урамшууллыг арилжааны банкаар дамжуулж авах шинэ журам гарч, мөрдөж эхэлсэн.

Экспортод мах, махан бүтээгдэхүүн гаргаж байгаа аж ахуйн нэгжүүд дотоодын зах зээл дээр тодорхой хэмжээний үүрэг хүлээдэг дүрэм журамтай болсон. Өөрөөр хэлбэл, экспортод гаргасан мах, махан бүтээгдэхүүнийхээ арван хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодын зах зээлд борлуулсан байх техникийн зохицуулалт хэрэгжиж байна. Мөн бид жил бүр дор хаяж 50 мянган тн мах экспортод гаргах зорилго тавьсан. Энэ жил энэ зорилгодоо хүрч, 50 мянган тн мах экспортод гаргана. Түүний 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотооддоо бэлдэнэ гэвэл таваас зургаан мянган тн мах бэлтгэгдэнэ. Дээрээс нь газар тариалан эрхэлж байгаа бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, байнгын мах нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж урамшуулж байгаа. Хуучин Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлийг зөвхөн үр, будаагаар нөхдөг байсан. Харин энэ жилээс эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж, улмаар мах, сүүгээ нийлүүлбэл зээлээ хаахад нь ашиглах журмыг гаргасан. Энэ мэт зохицуулалтын арга хэмжээг авч байна.

-Бид гучаад жил махаа экспортлохыг хичээж, зорьж ирсэн. Гэтэл үүнийг эсэргүүцэж, шүүмжлэх нь олон болжээ. Энэ ямар учиртай юм бэ. Одоогийн нөхцөл байдал нь ямар байгаа бол?

-Мах экспортлох нь зүйтэй. Ийм боломж бидэнд байгаа. Монгол Улс далаад сая малтай, оны дундуур бид хориод сая төл хүлээж авна. Ингээд бодохоор Монголын мал 90 сая руу дөхөж байгаа биз. Малыг өсгөж, үржүүлж байгаа нь эдийн засгийн эргэлтэд оруулах, малчид амьдралаа сайжруулах, орлогоо нэмэгдүүлэх зорилготой. Малын тоо толгой өсөх тусам байгаль орчин, бэлчээр, усны даацад нөлөөлж байдаг. Энэ үүднээсээ ч бид тодорхой хэмжээний малыг эдийн засгийн эргэлтэд оруулах учиртай. Мэдээж дотоод хэрэгцээгээ хангаж таарна. Дээрээс нь экспортод ямар хэлбэрээр, хааш нь гаргах вэ гэдэгт төр бодлогоор анхаарч, дэмжих ёстой.

-Нэн тэргүүнд хамгийн их эрэлт хэрэгцээтэй хоёр хөрш рүүгээ экспортлоход анхаарах ёстой юм биш үү?

-Хөрш хоёр орон хамгийн их авдаг. Авах эрэлт хэрэгцээ ч тэнд хамгийн их бий. Гэтэл авахгүй байгаа.

-Яагаад?

-Монголын мал эрүүл гэх баталгаагүй, эрсдэлтэй гэж үздэг учраас. Тиймдээ ч махан бүтээгдэхүүнийг хязгаартайгаар, тэр дундаа гүн боловсруулалт хийсэн махыг л авч байна. Хөлдөөсөн махыг авахгүй байгаа. Арьс, шир түүхий эдийг ч авахгүй байна, энэ нь бидэнд мал сүргээ эрүүлжүүлэх шаардлага тавьж буй хэрэг. Энэ шаардлагыг бид бүхэн мөрдөхгүй бол цаашдаа мах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортод гаргаж чадахгүй. Манайхан дулааны аргаар боловсруулсан мах гаргаж байна гэж яриад л байсан. Гэтэл дулааны аргаар мах үйлдвэрлэх стандарт техникийн нөхцөлгүй л явж ирж. Аж ахуйн нэгж бүхэн өөрийнхөө техник технологийн түвшнээр бэлдэж ирсэн байна. Дээрээс нь малыг зөв зохистой иж бүрэн ашиглахгүй, зөвхөн тураг махыг нь аваад толгой, шийр, арьс шир, дайвар бүтээгдэхүүнийг бүгдийг нь хаяж байжээ. Энэ нь байгаль орчинд маш их сөрөг нөлөө үзүүлдэг. Ямартаа ч энэ мэт гажуудлыг энэ жил заслаа. Цаашдаа бид махыг иж бүрэн ашиглана. Яам махаа экспортод гаргах үйлдвэртэй бодлогын гэрээ хийж, албан ёсны тусгай зөвшөөрлийг өгч байгаа. Мал махаа хаанаас бэлдсэн бэ гэдэгт онцгой хяналт тавьж ажиллаж байна. Монгол Улсын газар нутаг үндсэндээ гурван үндсэн бүс нутагт хуваагдаж байдаг. Үүнээс баруун аймаг эрүүл бүсдээ ордог. Хил дамнасан малын гоц халдварт шүлхий, мялзан зэрэг өвчин гараагүй бүс гэж бид үздэг. Гэхдээ дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөөгүй. Олон улсын мал амьтны эрүүл мэндийн байгууллага үүнийг албан ёсоор зарлаагүй. Тийм учраас тэндээс мах авахад болгоомжтой ханддаг. Бид энэ бүсийг эрүүл бүс байлгах чиглэлээр олон улсын байгууллагатай хамтарч, хянан магалдлагааны ажлуудыг хийж байна. Үүнийг газар дээр нь хянана, баталгаажуулна тэгж байж олон улсын түвшинд батална. Энэ ажлууд төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Баруун бүсийг бид энэ статусаа авчих байх аа гэсэн итгэлтэй байгаа. Монгол орны төвийн бүс нь эрсдэлтэй, эрүүл бүсийг заагласан хяналтын бүс. Харин зүүн бүс эрсдэлтэй бүсэд ордог. Тэнд хил дамнасан гоц халдварт өвчин удаа дараа гарсан, голомт байдаг. Иймд сстемтэйгээр вакцинжуулалтыгхийж, малаа эрүүлжүүлэх ёстой. Энэ ажил ч үргэлжилж байгаа.

-Малын халдварт өвчний тархалтад анхаарч байгаа юу?

-Энэ жил Монгол Улсын хэмжээнд халдварт өвчин гараагүй, харьцангуй тайван байна. Энэ нь вакцинжуулалтаа хугацаанд нь хийж, хяналтаа сайн тавьж, халдварт болон гоц халдварт өвчинтэй тэмцэх арга технологио боловсронгуй болгосонтой холбоотой. Мөн мал эмнэлгийн тогтолцоо шинээр бий болж, энэ үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалттай хянаж байгаатай холбоотой юм. Зүүн бүсээ бид эрүүл бүс болгож, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх зорилготой. Бид мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлэх чиглэлээр БНХАУ-аар төрөлжсөн хянан магадлагаануудыг хийлгэлээ. Сүү, сүүн бүтээгдэхүүний хянан магадлагаа хийж, протокол байгуулах ажлууд явагдаж байна. Газар тариалангийн бүтээгдэхүүн, гурил будаа экспортод гаргах ажлын хэсгийнхэн ирээд явсан. Энэ мэт үнэлгээний ажлууд сайн хийгдэж байгаа. Бид энэ үнэлгээний мөрөөр протоколоо байгуулчихвал гурил, сүү, мах мөн дайвар махны бүтээгдэхүүнийг экспортод гаргах бололцоо нээгдэнэ. Энэ чиглэлээр бид эрчимтэй ажиллаж байна. Дээрээс нь Вьетнам, Киргиз, Казахстан, Иран зэрэг улсуудтай хорио цээрийн протокол байгуулах ажлуудыг хийж, гадна талаа баталгаажуулж байна.

Хамгийн чухал нь манай үйлдвэрүүд техник технологи, хяналтаа сайжруулах ёстой. Хуруу даран тоолдог сайн технологитой үйлдвэрүүд маань ч экспортод гаргах шаардлага хангахгүй, эрхээ цуцлуулсан байна. Иймд бид стандарт техникийн нөхцөлөө бий болгож, үйлдвэрүүдээрээ хянан магадлагааг хийлгэж, гарал үүслийг нь тодорхой болгон, үйл ажиллагааг нь хянах тогтолцоог бий болгох ажлуудыг хийлээ. Цаашдаа бид махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ. Манайд байгаа боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал жилийн турш бүрэн дүүрэн ажиллалаа гэхэд зургаагаас долоон сая мал л боловсруулна. Гэтэл үүнээс ч илүү малыг үйлдвэрийн аргаар боловсруулах хэрэгцээ шаардлага бидэнд байна. Бид мах боловсруулах үйлдвэрлэлийг өргөн хүрээнд болж өгвөл сум болгонд бий болгох шаардлагатай.

-Махаа экспортлохгүй байгаа нь бидний өөрсдийн чадвар чадамжтай холбоотой гэж байна. Гэхдээ гадна талаас махаа экспортолж болохгүй гэх шахалт дарамт байгаад байна уу ч гэж хардах хүмүүс бий.

-Бид олон улсын мал амьтны эрүүл мэндийн байгууллагын албан ёсны зөвшөөрлийг авч хүлээн зөвшөөрөгдөхгүй л бол махаа гадагш нь гаргах боломж бололцоо хаалттай. Хамгийн гол асуудал нь малаа өсгөх, эрүүл байлгах явдал юм.

-Тэгвэл үнэгүйдэж гүйцсэн ноос ноолуураа хэрхэх вэ?

-Ноос ноолуур, арьс шир нь мал аж ахуйгаас гарч байгаа маш үнэтэй түүхий эд. Үүнийгээ бид иж бүрэн боловсруулж эцсийн чанар сайтай бүтээгдэхүүн болговол асар их боломж бий. Бид урьд нь арьс ширээ боловсруулаад гутал хувцсаа хийдэг байлаа. Ноосоо боловсруулаад хивс, ноосон даавуу хийдэг байсан. Харин өнөөдөр тэр үнэт түүхий эд үнэгүйдэж, үүнийгээ дагаад эх орны боловсруулах үйлдвэрүүд зогссон. Үүнээс гадна олон сөрөг үр дагаврыг дурдаж болно. Энэ байдлыг нэн даруй зогсоох хэрэгтэй. Төр засгаас бодлого гаргаад арьс шир, ноос, мах, сүүн дээр урамшуулал өгсөн ч энэ дэмжлэг эдийн засгийн үр өгөөж өгсөнгүй. Ноос бэлтгэх явцад, ноосыг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийх үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд их асуудал байна. Энэ жил бид 2018 оны ноосны урамшууллыг өгч дууслаа. Цаашдаа бол шинэ журмаа мөрдөнө. Үйлдвэрт тушаагаад эцсийн бүтээгдэхүүн болсон чанартай ноос ноолуурыг урамшуулна. Тиймээс малчид ноос бэлдэхээсээ эхлээд чанарт анхаарах хэрэгтэй. Арьс ширэн дээр ч мөн адил ийм үйл явц байна. Цаашдаа бид хөдөө аж ахуйн биржээрээ дамжуулж түүхий эдийг бэлтгэнэ. Ингээд эхний ээлжинд чанартай бүтээгдэхүүнээр түүхий эдийг хангана. Цаана нь илүү гарч байгаа түүхий эдийг зах зээл дээр борлуулах бололцоог нь нээж өгнө. Түүхий эдийг боловсруулаагүйгээр экспортод гаргахыг хорьсноос үүдэн хог болж байна. Бид зохицуулалтаа сайн хийж өгвөл малчны үйлдвэрлэж байгаа түүхий эд үнэгүйдэхгүй. Эх орны үйлдвэрт очно, эсвэл экспортод гаргах замыг нь нээж өгөх юм. Бид хөдөө аж ахуйгаас гарч байгаа түүхий эдийнхээ 10-20 хувийг л боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгож байна. Цаана нь 80 хувийн нөөц боломж бидэнд байна. Энэ 80 хувийг ашиглахын тулд төр засгаас бодлогоор зохицуулж өгөх хэрэгтэй. Бид хөдөө аж ахуйн салбарын экспортын боломжийг дайчлан ажиллах тухай шийдвэрийн төслийг Засгийн газарт оруулахаар бэлдэж байна. 2020 оныг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн түүхий эдийн экспортыг дэмжих жил болгон ажиллахаар бодлогоо тодорхойлсон. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт байгаа экспортын нөөц бололцоогоо бүрэн дайчилж чадвал уул уурхайгаас олж байгаа экспортын орлогыг олох боломжтой. Тийм учраас ойрын хэдэн жил хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараас уул уурхайгаас илүү экспортыг хийх боломжийг бүрдүүлэх зорилготой байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гүнбилэг: Ц.Нямдорж сайд аа баярлалаа, баяртай

Хуульч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.


-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн асуудлыг ҮАБЗ-өөр авч хэлэлцэх хүсэлт хүргүүлжээ. Нэлээд хэдэн шалтгааныг ч гаргаж тавьж. Энэ талаараа тодруулаач?

-Бидний үеийн хуульчид оюутан ахуй үеэсээ Ц.Нямдорж сайдыг даган дуурайж, ийм хуульч болох юмсан гэж боддог байлаа. харж, судалж, бахархаж явсан. ингэж их итгэл хүлээлгэж, шүтэж явсан хүн маань өдгөө хуулийн байгууллагад 15, 20-иод жил ажилласан бидэнд их өөрөөр харагдах боллоо. Бид энэ хугацаанд хуулийн салбарт үүссэн болох, болохгүй бүхнийг ч харж эхэлсэн. Уих-ын гишүүн Б.Пүрэвдорж, хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр нар ч Ц.Нямдорж сайдын талаар ярьсан байна лээ. Өөрийнхөө хамгийн их үзэн яддаг хүний дүрд зарим улстөрчид орчихдог. үнэхээр энэ хүн Б.Пүрэвдорж, Б.энхбаярын ярьж байгаа шиг хууль зөрчдөг, мэдсээр байж хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулж олон хүнийг авлига, албан тушаалын гэмт хэргээс мултлах гэж хичээж байгаа юм биш биз дээ гэсэн айдас нийгэмд үүсээд байна.

-Ц.Нямдорж сайдын хувьд хөөн хэлэлцэх хугацааны өөрчлөлтийг анхнаас нь дэмжээгүй, оролцоогүй гэдгээ хэлж байсан л даа.

-Өөрөө бол янз бүрийн л тайлбар хэлдэг байх. үнэн худлыг нь мэдэхгүй. энэ мэдээлэл нийгэмд хүрээд эхлэхээр хууль зүйн салбар өөрөө уналтад орчихож байгаа юм. хуульд итгэх иргэдийн итгэл улам бүр үгүй болж байна. Үүнд нь хуульчид маш их санаа зовж, хоорондоо ярилцаж эхэлсэн. Энэ хүний талаарх мэдээлэл үнэхээр эмх замбараагаа алдлаа. Тиймдээ ч ҮАБЗ-д хандах нь зүйтэй гэж үзсэн.

-Чухам яагаад ҮАБЗ-д хандахаар болсон юм бэ?

-үндэсний аюулгүй байдлын зөвлөл улс төрийн үйл ажиллагаа, үндэсний эдийн засаг, аюулгүй байдал-тай холбоотой асуудлуудыг хэлэлцэх эрхтэй байдаг. ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнд Уи х дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч ордог шүү дээ. энэ хүмүүсийн мэдэлд тагнуул, АТГ зэрэг байгууллагууд бий. Тиймээс зөвлөмж гарган, тодорхой санал асуулга явуулж, дээрх асуудлын үнэн, бодит эсэхийг нь шийдэх боломжтой. Өмнө нь Ц.Нямдорж сайдыг Бэлла Виста хэмээх маш өндөр үнэтэй байранд үнэгүй амьдардаг нь авлигын гэмт хэргийн шинжтэй байж болох талаар шуугиад өнгөрсөн. Тэр дундаа уг байр нь хэний байр вэ гэдэг талаар шуугьсан. энэ асуудалтай холбоотойгоор хуульчид үндсэн хуулийн Цэцэд хандсан боловч маргаан үүсээгүй байдаг. Ер нь хүний үнэтэй байранд үнэ төлбөргүй амьдарна гэдэг ямар учиртай юм бэ. Гадны оронд ийм тохиолдол гарвал төрийн албан хаагчийн ёс зүй, зарчим, хууль зөрчсөн асуудал болж сайд битгий хэл төрийн байгууллагад ажиллах эрхээ хязгаарлуулна.

АТГ-ын зүгээс авлигын олон хэрэг дээр ажилласан гээд үгээ хэлчихсэн. Тиймдээ ч энэ тохиолдолд хандах ёстой субьект нь үАБз. Тэндээс прокурор, АТГ, тагнуул, цагдаа өөр юу байдаг юм тэр бүрт нь хандаж, яаралтай арга хэмжээ авах ёстой. Нөгөө талаас энэ мэдээллийг Уи х дээр хамаа замбараагүй ярьж байна. үүний дагуу хянан шалгадаггүй юм бол ҮАБЗ-д хандсан уг бичигнээс Олон овоотын ордын 600 сая ам. долларын үнэтэй гэх уурхайг засгийн газар яагаад Жастын Батхүүгийн өрөнд авахгүй байгаа вэ, үүнд Ц.Нямдорж сайд нөлөөтэй байж болох талаарх Б.Пүрэвдорж гишүүний яриа ямар учиртай вэ гэдгийг прокурор болон бусад байгууллага харж судалж, олон нийтийн эргэлзээг тайлах байх. Ц.Нямдорж сайд хаан, заан биш. ийм байдлаар хандаж болохгүй л дээ. Ямартаа ч хуульчийн хувьд энэ олон мэдээлэл, тэр дундаа “Улаан бал” нэвтрүүлгээр Б.энхбаярын ярьсан сэтгүүлчдийг тагнаж, чагнасан зэрэг хэргүүдийн мэдээллийн талаарх эргэлзээгээ тайлах үүднээс зохих газар нь хандах ёстой гэж бодсон юм. Тэр нь ҮАБЗ юм байна гэж үзсэн. үАБз хэлэлцэхгүй гэвэл тэр нь өөрөө хойч ирээдүйд маш том баримт болно. Бусад хуулийн байгууллагууд ч манай сайдын гэмт хэргийн талаарх асуудлуудыг харж байгаа. Эс үйлдэл хийх эсэх нь энэ цаг үеийн хуульчдын анхааралд байна.

-ҮАБЗ-өөс тухайлсан хүн рүү хандаж зөвлөмж ирүүлдэг юм уу?

-энэ нь зөвхөн Ц.Нямдорж гэдэг хүний асуудал биш байхгүй юу. энэ хүнтэй холбогдож хөндсөн зүйлүүд нь дандаа улс орны үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд харшилсан байгаа. Тэр талаар хүсэлтдээ бичсэн. Тэнд эдийн засаг, гэмт хэргийн шинжтэй, хуулийг яаж гууль болгох, парламентын хууль тогтоох үйл ажиллагаанд нөлөөлсөн байж болох асуудлууд байгаа. Яагаад 10 жил байсан хөөн хэлэлцэх хугацааг тав болгочихов гэдэг асуудал үргэлжилсээр байх болно. Яагаад үүнийг засах хуулиа оруулж ирэхгүй удах болов гэх мэт. Олон жилийн өмнө энэ хүнийг хууль зассаныг тогтоосон Цэцийн шийдвэр гарсан шүү дээ. Хууль зассан том алдаа хийснийг нь иргэд олж хардаггүй. Түүнийг нь харах юм бол агуулгын хувьд зөрчил гаргаж байсан байгаа юм. Яахав дандаа буруу зүйл хийж байгаагүй л байх. Гэхдээ энэ олон зөвийн дунд цөөн буруу байхад л хуулийн салбар, хуульд итгэх иргэдийн итгэл нурдаг.

-Зөвхөн Ц.Нямдорж сайдыг онцолж байгаа нь ямар учиртай вэ. Цаанаа ямар нэгэн улс төрийн ашиг хонжоо, сонирхол байгаа юм биш биз?

-Улс төрийн ашиг сонирхол байхгүй. үАБз-д өгч байгаа энэ хүсэлт дотор миний үзэл бодлын тухай юм байхгүй. Төрийн хариуцлагатай алба хашиж байсан болон хашиж байгаа хүмүүсийн ярьсан зүйл бий. энэ хүмүүс зүгээр нэг ярьдаг хүмүүс биш байх. Ноцтой зүйлсүүдийг л ярьж байгаа. энэ тохиолдолд сайн, муу гэж ярилцаад байх шаардлагагүй. Дээр хэлсэнчлэн энэ хүн сайн зүйл их хийсэн. Бид бахархаж явсан. Гэхдээ одоо энэ олон хууль зөрчсөн асуудлууд үнэн бол Ц.Нямдорж сайд аа, баярлалаа, баяртай гэж хэлэх цаг нь болсон.

-Тэдгээр хүмүүсийн ярьж байгаа зүйлийг хууль, шүүх нь авч хэлэлцэж нэг талд нь гаргах ёстой биз дээ. Эсвэл сайдынхаа асуудлыг огт авч хэлэлцэхгүй байгаа хэрэг үү?

-Ажиллах ёстой. Б.энхбаяр тагнуул дээр хэрэг нь шалгагдаж байсан ч тэр нь замхарсан гэх зэрэг зүйлийг ярьсан. Ер нь яахаараа замхарчихдаг юм. энэ мэдээллүүдийг бүгдийг нь ил болго. холбогдоод байгаа зүйлсийг нь ч тэр. “Нямдоржийн Алтанд шилжүүлсэн Олон Овоотын ордыг 2013 онд Жастын Батхүү бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан. Тэрнийг буцааж төр авах хэрэгтэй. Батлагдсан нөөц нь 18.5 тонн, 600 сая ам.долларын үнэлгээтэй орд бий” гэж ярьсан яриа л улс орны хэмжээний асуудал. Үүнийг шалгах хэрэгтэй. хэрэв Б.Пүрэвдорж гишүүн худлаа ярьсан юм бол түүнийг нь зарла. энэ мэт хариултаа олоогүй асуулт маш их байна. үүнийг хэлэлцэж өгөхийг үАБз-өөс хүсч байгаа юм. хэлэлцэх шүү. ийм тийм шийд гарга гээгүй. хэлэлцэнэ гэдэг нь өөрөө маш том анхаарал. үүнийг үАБз хэлэлцэхгүй, тодорхой байгууллагуудад зөвлөмж илгээхгүй, мэдээлэл цуглуулж олон нийтэд өгөхгүй, энэ нь хуульчид та нарт хамаагүй гэвэл дахиж юм ярихаа больё. энэ хүн сайн хүн юм байна, шүүмжлэгчид нь муу, худалч юм байна гээд л бодчихъё. Прокурор нийгэмд түгсэн энэ мэдээллийг анхаарч л байгаа байх. Зүгээр ингээд орхихгүй байх. Сайн уу, саар уу асуултдаа хуульчийн хувьд хариулт авч олон нийтийн эргэлзээг тайлмаар байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гарамгайбаатар: Хуулийн хугацаандаа багтаан шалгаж, шалгаад илрүүлж чадаагүй бол төр уучлалт гуйдаг номтой


УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатартай ярилцлаа.


-Ардчиллын 30 жилийн ой тохиож байна. Энэ хугацаан дахь ардчиллын алдаа, оноог та хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол орон даяар ардчиллын 30 жилийн ойн өдрийг тэмдэглэлээ. Ардчилал хүмүүст өөрсдийнх нь хийж болох эрх, эрх чөлөөг олгодог болохоос бүх зүйлийг сайхнаар бүтээн байгуулж өгдөггүй. Ардчиллын буянаар хүмүүс хэлэх эрх чөлөөтэй, хувийн өмчтэй болж, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлнэ. Хүнийг өөрийнхөө өнцгөөр харж хандаж, тайлбарлаж болно. Энэ эрх чөлөө л юм.

Дээрээс нь хийж, хүсэж, бүтээх зорилтыг нээж өгдөг нийгэм. Тийм ч учраас хүмүүс янз бүрээр л ярьдаг. Өнгөрсөн 30 жилд үүсэж хөгжсөн энэ ардчилал Монголын нүүр царайг ихээхэн өөрчилсөн. Олон ч зүйл дээр энэ нь ил тод харагдах байх гэж бодож байна. Өнөөдөр хэдийгээр олон зүйлийг үгүйсгэж байгаа боловч энэ бодит түүх.

-Сайн нь ч, саар нь ч байгаа байх тийм үү. Ер нь бид цаашид энэ ардчилал гэх боломжоо ашиглаж Монголын илүү сайн хувилбарыг хэрхэн бүтээх вэ?

-Ардчилалтай холбоотой саар зүйл байна гэдэг өрөөсгөл. Түүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь бид капитализмыг алгасаж социализм руу алхсан түүхтэй улс. Өнөөдрийн энэ өнцгөөс харж байхад дэлхий дээр байгаа ямар ч амьд ертөнц туулах ёстой замаа л туулдаг юм байна.

Тэнд алдаа оноог шүүхээс илүү бидэнд ямар зам олдов, яаж урагшлах вэ гэдгээ л бодох ёстой. Эргэж харахаас илүү урагш алхах нь л илүү оновчтой мэт санагддаг. Бид БНСУ, Сингапурын жишээг ярьж, сайн жишгүүдийг шууд тусгачих ёстой байсан гэлцдэг.

Гэхдээ амьдрал дээр тийм боломж байдаггүй гэдгийг ойлгох цаг эрхбиш ирсэн байх. Бид коммунизм, социализм байгуулна гэж зөндөө л явлаа. Ардчиллын сайн, мууг зөндөө л ярилаа. Гэхдээ түүх бол түүх л юм байна.

Түүхийг хэзээ ч алгасдаггүй, туулах ёстой шат дамжлагыг нь давах л ёстой. Тэр бүрийд ард түмэн бухимдах үедээ бухимдаж, алдаа оноог цэгнэж, цаашид алдахгүй байх арга замуудаа хайдаг байх нь л чухал. Тиймдээ ч ардчилалд буруу өгөх ямар ч шаардлага байхгүй.

-МАХН тухайн үед хууль дахь нам бүхнийг зааж, чиглүүлнэ гэх утга бүхий заалтаа авснаар ардчилал эхлэх нөхцөл бүрдсэн гэж ч ярих юм. Ардчиллыг хэн нэгэн өмчлөх нь хэр зохистой юм бэ?

-МАН-ынхан тиймэрхүү зүйл яриад байх шиг байгаа юм. Гэхдээ ичих нүүр байх хэрэгтэй. Энэ нь хэн нэг хүмүүсийн хүсэл зорилгод нийцүүлэх гэсэн өөрчлөлт биш. Монгол Улсын иргэн бүрийн хүсэл тэмүүлэл, гадна талын орчин, дэлхий нийтэд болсон өөрчлөлтүүд нөлөөлсөн том. Үүнд манай, танай гэсэн зүйл байхгүй нь түүхэн үнэн.

Ардчиллыг эхлүүлж, Монголын Хөрсөн дээр буулгасан хүмүүс нь яалт ч үгүй ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулахад бий болсон дөрвөн холбоо, холбоодууд дээр тулгуурлаж үүссэн намууд л юм.

Тэд дэлхийн нийтийн ардчиллын давалгааг Монголд оруулж ирэхийн тулд зоригтой хөдөлгөөн хийж чадсан хүмүүс мөн. Энэ нь монгол хүн бүрийн хүсэлд нийцсэн учраас ардчилсан хувьсгал гарсан гэж харах ёстой юм. Ардчиллыг өмчлөх нь хүмүүсийг төөрөгдүүлэх гэсэн л арга зам.

-Та намынхаа үйл ажиллагаанд оролцож байгаа юу?

-Оролцсоор л байгаа. Үндэсний бодлогын хорооны гишүүн хэвээрээ байна. Хэнтий аймгийнхаа Ардчилсан намын хорооны гишүүнээр байж л байгаа. Мэдээж бүхий л үйл ажиллагаанд нь оролцож яваа.

-2016 оны сонгуулиар ард түмэн Ардчилсан намд дүн тавьсан. Түүнээс хойш Ардчилсан нам хэр их өөрчлөлт, шинэчлэлтийг хийсэн гэж та харж байна вэ?

-Би Ардчилсан намыг 2016 оны сонгуульд муу байсандаа ялагдсан гэж боддоггүй. АН 2012-2016 онд Засгийн эрхийг аваад УИХ-ын олонхыг бүрдүүлээд ажиллаж байхдаа их олон ажлыг амжилттай хийсэн.

Хамгийн харамсалтай нь сөрөг сурталчилгаа маш их байсан. Хүчтэй сөрөг хүчин маш сайн тоглолт хийж чадсан. Түүний ганцхан жишээ нь өрийн асуудал. Энэ нь ард иргэдийн сэтгэхүйд маш их нөлөөлж, тэр аяараа л ханарсан. Түүнээс АН муу ажиллаж, тогоог нь хөмөрчихсөн юм биш. Үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Учир нь АН-ын хийж бүтээсэн ажлууд өнөөдрийг хүртэл үнэ цэнээ алдаагүй, хүмүүст ойлгогдож эхлээд байна. Үүнд би баяртай бaйгaa.

2016 онд ялагдсаны дараа АН-д шинэчлэлийн хөдөлгөөн өрнөсөн. Мэдээж хэрэг намаа онол, үзэл баримтлалтай, зөв голдрилд оруулчихъя гэсэн санаатай хүмүүс хөгшин, залуугаараа л байсан. Энэ шинэчлэл тодорхой хүрээнд хийгдсэн.

Гэхдээ бүрэн төгс болсон гэж хэлэх боломж хараахан байхгүй. Ямартаа ч энэ хугацаанд Ардчилсан нам өөрийн гэсэн онол, үзэл баримтлалтай болсон, үүнийгээ албан ёсоор баталгаажуулсан. Баруун төвийн нам гэдгээ маш тодорхой зарласан.

Дээд шүүхэд бүртгэлтэй намуудаас үзэл баримтлалаа албан ёсоор баталгаажуулсан нь ганцхан Ардчилсан нам л байгаа. Мөн Үндэсний бодлогын хорооны гишүүдийнх нь 90 орчим хувь нь шинэчлэгдсэн. Гэхдээ энэ нь өнгөц үү, бодит шинэчлэл үү гэдгийг цаг хугацаа л харуулах байх.

Зарим дээр нь сэтгэл хангалуун байгаа ч учир дутагдалтай, шүүмжилмээр зүйлс ч харагдаж л байна. АН-ын удирдлагуудын авч хэрэгжүүлж буй ажил, улстөрчдийн судалгааны рейтингүүд, сөрөг хүчнийх нь хувьд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг хөндлөнгөөс харахад бидэнд ярих хэлэх, шүүмжлэлтэй хандмаар зүйлүүд харагдаж л байна.

-Ардчилсан намын лидерүүд гэгдэх хүмүүс өнөөдөр намдаа алга. Хэрэг түвэгт орооцолдож, үнэн, худал нэр хоч зүүсэн нь ч байна. Энэ байдлыг та хэрхэн харж байна вэ?

-Уг нь Ардчилсан нам хэн нэгэн хүний өмч биш шүү дээ. Олон хүмүүсийн хүсэл эрмэлзэл нэгдэж нэг баг болж байж нам гэдэг бүтцийг бий болгож байгаа. Түүн дотор тэр, энэний өмч гэдэг яриа байхгүй.

Гэхдээ мэдээж нам гэдэг улс төрийн байгууллага. Тэр дотор намын лидерүүд гэж байх ёстой. Тэд өнөөдөр Ардчилсан намдаа байна уу, үгүй гэвэл өөр асуудал. Лидер гэгдэж байсан хүмүүс нь намынхаа гол бодлогод оролцож байсан уу, үгүй юү гэвэл бас нэг өөр асуудал. Энэ Ардчилсан намын зовлонгуудын нэг л дээ. Ардчилсан нам таван өөр үзэл баримтлал дээр байгуулагдсан.

Таван намын нэгдэл гэж ярьдаг шүү дээ. Энэ нэгдэл өнөөдрийг хүртэл бүрэн утгаараа нэг цөм болж чадаагүй явж байгаагийн илэрхийлэл л дээ. Социалдемократ үзэл баримтлалтай, итгэл үнэмшил нь үүнд байдаг хүн баруун төвийн үзэл баримтлал руу шууд утгаараа орно гэдэг хэцүү.

Итгэл үнэмшил, үзэл баримтлалаараа ойр хүмүүс л нам байгуулдаг. Тэр намууд нь нэгдэж нэг нам болох гэж оролдож байгаа, тэр оролдлого нь нэлээд хугацаанд явж байна. Гэсэн ч тэр доторх хүмүүс нь төлөвшиж чадаагүй л явна. Тэр утгаараа оролцоо зарим тал дээрээ сулраад, идэвхжээд, ойлголцол нь нэгдэж өгөхгүй зовлонтой, бэрхшээлтэй замыг туулаад явж байгаа хэрэг.

МАН-ын хувьд ч ялгаагүй. 100 жилийнхээ ойг хийх гэж байгаа нам ганцхан социалдемократ үзэл баримтлалтай байсан юм уу, үгүй юм уу, эргэлзээ асар их бий. Нэгдмэл, нэг нам шиг явдаггүй гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа. Үзэл баримтлалаа ойлгоогүй хүмүүс нам руу орж, улс төрийн байршлууд дээр очиж улс орныг түйвээж буй асуудал байгаа. Би бол тэгж л хардаг.

Ардчилсан нам бол баруун төвийн үзэл баримтлалтай болсон гээд зарлачихлаа. Парламентын засаглалыг тууштай хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг, хувийн өмч, тусгаар тогтнол, үндэсний үзэл, өв соёлоо тууштай хамгаална, хуулийн засаглал дор тэгш шударгаар амьдаръя гэдгээ ч зарлачихлаа. Энэ бол бидний үндсэн гол таван зарчим, үүнийг дагаж салбарласан бодлогын асуудлуудаа хийнэ гээд үзэл баримтлалаа баталгаажуулчихлаа.

Одоо үүнийхээ төлөө л явах ёстой. Энэ нь АН-ын анхны сайн шинэчлэлийн нэг гэж хэлнэ. Үүнд эргэлзэж, АН-ын баруун төвийн үзэл баримтлалд итгэл үнэмшил төрөхгүй байгаа бол тэр хүнд сонголтоо хийх цаг нь иржээ. Одоо ч эргэлзсэн олон ҮБХ-ны гишүүн байсаар л байгаа. Үүнд урт цаг хугацаа шаардах байх.

-Та ирэх онд болох УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

-Дэвших, дэвшихгүй асуудлыг ярихад эрт. Учир нь Сонгуулийн тухай хууль гараагүй байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ямартаа ч баталлаа. Үүнийг дагаад Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль гарна.

МАН олонхоороо түрүү барьж ямар ч байсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярьж эхэллээ. Хууль батлагдсаны дараа тойргуудаа яаж зурах эсэх нь харагдах байх. Энэ бүгдийг харахаас нааш сонгуульд өрсөлдөх, үгүйг хэлэх боломж байхгүй. Ер нь бол ҮБХ-ны 360 гишүүний хэн нь ч нэр дэвших боломжтой. Эрх нь нээлттэй. Ганцхан энэ асуудлууд цэгцэрсний дараа дэвших, үгүйгээ шийдэх байх.

Одоогоор гишүүд нь ч хэрхэхээ тодорхой шийдээгүй л байх шиг байна. Өөрсдөө шийдэж чадахгүй, дотроо маргаантай л байх шиг. Арга байхгүй л дээ жижиг 76 тойрог дээрээс гарч ирсэн бор халзан хонинууд юм чинь. Ухаанаа олохгүй л байгаа бололтой. Тойргоо маллачихсан учир дахиад тойргоосоо УИХ-д гарч ирнэ гэсэн бодолтой л байгаа байх. Төсвийг нь харахад ч маш тодорхой.

Социалдемократ үзэл гэхээсээ илүүтэй зөвхөн хувь сонирхол дээр тулгуурласан төсөв баталж байна шүү дээ. Ийм л юмнууд харагдаж байгаа. Гудамжинд байгаа хүн чинь гарч байгаа зүйлүүдийг хэвлэл мэдээллээс харж, өөрийнхөө бодолтой харьцуулж үзэхээс цаашгүй л дээ.

-Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг таны хамаарал бүхий “Монроуд” компанид авто замыг барих тендерийг эрх мэдлээ хэтрүүлэн өгсөн, энэ шийдвэрт таныг нөлөөлсөн гэдэг. Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаан дээр хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг Б.Пүрэвдорж гишүүн хөндсөн. Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар нарын хэрэг хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор хэрэгсэхгүй болсон гэдгийг мэдээллээ. Та үүнд юу хэлэх вэ?

-Би мөн тэр талаар харлаа. Х.Нямбаатар гэдэг хүнийг би танихгүй. Манай Хэнтийнх юм гэнэ лээ. Тэр намайг мэддэг болтол хаа ч юм билээ. Хөөн хэлэлцэх хугацаагаар сайхан шоудаж байна, аль ч намынхан. Хуульч хүмүүс тайлбар өгөх болов уу гэж би их-удаан ажиглаж байгаа.

Хуульчид хүртэл үүн дээр тоглолт хийдэг болсон. Б.Энхбаяр ч бай, хэн ч бай би бүгдийг нь харж байгаа. Зүгээр л өөрсдөө од болохын тулд энэ хуулийн заалт дээр тоглолт хийж байгаа юм. Эд нарын яриад байгаа үнэн юм болов уу, яг аль нь үнэн юм бол гэж өөрөө ч сүүлдээ эргэлзэж эхэлсэн. Гэсэн ч мэддэг хуульчдынх нь бичсэн зүйл, өмнөх түүхүүдийг нь олж үзсэн. Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг бүх л оронд байдаг юм байна.

Иргэний, эрүүгийн гэх мэт бүх л хуульд тохирсон зүйл заалт, тогтсон хугацаатай байдаг юм байна. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор эд нар нэг зүйлийг ярихгүй байгаа.

-Юуг тэр вэ?

-Тухайн асуудлыг шалгаж байгаа бол хуулийн хугацаа гээч зүйл байна. Хуулийн хугацаандаа багтааж шалгаж чадаагүй, шалгаад илрүүлж чадаагүй бол төр уучлалт гуйдаг ном байна. Тэр ном нь энэ хөөн хэлэлцэх хугацаа юм байна. Нэг ёсондоо төр өөрөө уучлалт гуйгаад хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгодог заалт байна.

Үүнийг хэн ч ярихгүй байгаа юм. Яллагдагч гэнэ үү янз бүрийн хүмүүс шүүх, прокурорыг авлигадаад хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээ шийдүүлж байна гэдэг зүйлийг л яриад байна. Тийм зүйл байдаггүй юм байна гэдгийг эрхбиш мэддэг боллоо.

-Тэгэхээр энэ хэрэг хэрэгсэхгүй болсон юм уу?

-Би зургаан жил шалгууллаа. Үүнийг олон удаа тайлбарлах гэж оролдсон боловч харамсалтай нь өнөөдрийн нийгэм хүлээж авахгүй байна л даа. Шалгах ёстой шалгалтаар нь орсон.

Асуудал байхгүй гэдэг нь удаа дараа ил болсон. Тиймдээ ч айгаад, эмзэглээд байх юм алга. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор хамгийн сүүлд АТГ мэдээлэл өгсөн шүү дээ. Хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээ удаашруулж байгаад хэрэгсэхгүй болгочихлоо гэх зүйлийг ярьсан. Тийм зүйл байхгүй. Яллагдаж байгаа хүн яаж нөлөөлж чадах юм бэ, би үүнийг огт ойлгохгүй байгаа юм.

АТГ-ын мөрдөн байцаагч А.Цэдэн-Иш гэдэг хүн 2019 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр прокурорт Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай мөрдөгчийн санал хүргүүлсэн юм. Хэргийг шалгасны үндсэн дээр “Энэ хавтаст хэргээс яллагдагч Б.Гарамгайбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Нийслэлийн прокурорын газарт өгөв” гэсэн хүсэлтийг өгсөн.

Үүнээс өмнө ч надтай холбоотой гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон юм шүү дээ. Ширэндэв гэдэг прокурорын дарга шийдвэр гаргасан. Тэрбээр шийдвэртэй “Б.Гарамгайбаатар дараах гэмт хэрэгт хамтран оролцсон гэх нөхцөл байдалд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэсэн.

Ийм зүйлийг би хэд хэдэн удаа авлаа. Хэрэг хийгээгүй гэдгээ би 100 хувь мэдэж байсан учраас үүнд огтхон ч эргэлзээгүй. Гэтэл намайг хэрэг хийчихсэн мэт хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээс мултарчихсан мэт ярьж байгаа.

-Тэгвэл чухам яагаад хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг нь хэрэгсэхгүй болсон гэж ярих болов?

-Энэ нь үнэхээр тэр хугацаанд дууссан уу гэвэл үнэн. 2002 оны Эрүүгийн хуулиар энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил байдаг. 2015 оны Эрүүгийн шинэ хуулиар ч мөн таван жил байгаа юм. Аль ч хуулиар нь явсан хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан. Энэ хоёр хуулийг удирдлага болгоод прокурор хэргийг долдугаар 8-нд хэрэгсэхгүй болгосон байгаа юм.

Ийм зүйлүүдээ ч ярьж буй хүмүүс мэдэхгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгосон баримт хэвлэлийнхэн болоод илүү, дутуу зүйл яриад байгаа УИХ-ын гишүүдэд ч байхгүй. Энэ прокурор, АТГ -т л байгаа байх.

-Ер нь яагаад шалгагдах хэмжээнд хүрчихсэн юм бэ?

-Хэрэг нь их сонин. Би замын компани байгуулсан нь, “Монроуд” гэдгээр овоглосон нь үнэн. Үүнийг хэн ч балруулдаж чадахгүй. Гэхдээ энэ компаниас би 2007 онд гарчихсан, өнөөдөр нэг ч хувь эзэмшдэггүй.

“Монроуд” гэдгээр далимдуулж шалгах болсон нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахтай холбоотой. Түүнийг огцруулахын тулд АТГ-аас зохион байгуулалттай хэрэг зарлахдаа Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаярыг хамтатган буруутгахын тулд Халзан бүргэдэй-Солонготын даваа гэдэг газар хэрэгжүүлж байсан төслийн мөнгийг албан тушаал, эрх мэдлээ ашиглан 100 хувь дансандаа авчихсан байна гэж зар гаргаснаас үүдэлтэй юм.

Түүнийгээ зургаан жил шалгасан. Тийм зүйл байхгүй гэдэг бодит нөхцөл байдлыг нь шинжээчид нотолсон. Дараа нь намайг Эдийн засгийн байнгын хорооны дарга байхдаа Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаярт нөлөөлж Засгийн газраар дээрх шийдвэрийг гаргууллаа гэсэн.

УИХ-ын байгууллагыг шүүх гэж оролдсон юм. УИХ тусдаа хуультай, байнгын хороодын эрх, үүрэг нь хуулийн хүрээнд зохицуулалттай. Энэ бүх заалтуудыг мэдэхгүй, сүүлд нь өөрсдөө тэрэндээ ороогдоод хэрэгсэхгүй болгосон. Нэг ёсондоо З.Энхболдын толгойлж байсан УИХ-ыг буруутгах гэж үзсэн юм. Хэргийн материал нь өөрөө тийм. Тэр нь нотлогдохгүй нь шүү дээ. Би шүүх дээр бодитоор нь тайлбарласан.

Сүүлд нь аргагүйн эрхэнд хэрэгсэхгүй болгодог юм байгаа биз дээ. Эдийн засгийн байнгын хорооны дарга Засгийн газарт нөлөөлнө гэж огт байхгүй. Тэр дундаа мөнгөний асуудлыг Эдийн засгийн байнгын хороо шийддэггүй. Төсвийн байнгын хороо тэр дотроо Төсвийн зарлагын дэд хороо л хянадаг юм. Ийм зүйлээр л зохион байгуулалттай улс төрийн яллагаа хийх гэж оролдсон.

-2016 онд шинэ Засгийн газар гарч ирээд манайх улсын төсвөөсөө гадна Монголбанк, Сангийн яам, Хөгжлийн банк гурван төсөвтэй болчихсон байж. Хөгжлийн банкин дээр Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр, Д.Эрдэнэбат нарын хүмүүс эзэн суучихжээ гэж хэлж байсан. Яагаад ингэж нэрлэхэд хүрсэн юм бэ?

-Хөгжлийн банк өмнө нь байсан банк биз дээ. Эдийн засаг, хөгжлийн яам бол 2012 оны Н.Алтанхуягийн Засгийн газрын үед байгуулагдсан. Бонд босгох асуудлыг энэ яам хийж байсан нь үнэн. Монголбанкнаас Н.Золжаргал, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр, сайн яривал МАН-ын Ч.Улаан нар биечлэн хөөцөлдөж, үүнийг авчирсан юм.

Түүнийг баталсан хүмүүс нь олонхыг бүрдүүлээд байгаа МАН-ын гишүүд. Үүнийг үрэн таран хийсэн гэж ярих юм бол арай өөр юм ярина. Бодвол материалууд нь шүүх цагдаагаар яваад, дуусаад эзэд нь тодорч байгаа биз. Үүнд Эдийн засгийн байнгын хорооны ямар ч оролцоо байхгүй.

Н.Алтанхуяг сайдаар ахлуулсан Бондын зөвлөлийг Ерөнхийлөгчийн шийдвэрээр байгуулсан юм. Тэр зөвлөлд Зам тээвэр, Эдийн засаг, хөгжил, Хүнс, хөдөө аж ахуйн сайд нар, ЗГХЭГ, ЕТГ-ын дарга П.Цагаан, УИХ-ын даргын зөвлөх П.Одхүү, ЭЗБХ-оос би, Төсвийн байнгын хорооноос Ц.Даваасүрэн нарын улсууд томилогдсон. Тэр хүмүүс санхүүжүүлэхээр шалгарсан Засгийн газрын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцдэг байсан.

У.Хүрэлсүх бол хаданд хавчуулагдсан халиуны зулзага. Хоёр талаас нь хавччихсан, магадгүй сөрөг хүчин хамт хавчиж байгаа байх.

Эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой гэдэг ч юм уу. Санхүүжилтийн асуудлыг нь Төсвийн байнгын хороо хянаж байсан. Ингэж хамтын шийдвэр гаргадаг зөвлөл л байсан юм. Тэнд орсныхоо төлөө би нэг хэсэг нь болчихоод яваад байгаа хэрэг.

Н.Батбаяр түүнд дэд дарга нь, Эдийн засаг, хөгжлийн сайд байсныхаа хувьд, Д.Эрдэнэбат Үйлдвэр хөдөө аж, ахуйн сайд байсан учраас энэ рүү орчихож байгаа юм. Энэ бол зүгээр л хэрэг тохох арга зам. Өнөөдөр үүнийг мянга тайлбарлаад буруу зөвийг нь ойлгохоо больчихсон. Энэ хүмүүс тоглолт бүртээ үүнийг ашиглаж байгаа боловч эцсийн дүндээ үр дүнг нь өөрсдөө хүртэх байх. Эрх баригчид ярих бүхнээ л ярьж байх шиг байна. Ярилаа гээд үнэн юм үнэнээрээ л гарна. Харин хэрэг хийсэн хүмүүсийнх асуудал янз бүрээрээ шийдэгдэж л байгаа байлгүй дээ.

-Эрх баригчид ч өөрсдийнхөө булхайг багагүй дэлгэлээ. ЖДҮ-ээс эхлээд баримтаар нотлогдсон нь ч байна. Сөрөг хүчний намын гишүүний хувьд та юу гэж дүгнэж байна вэ?

-Үзэл баримтлал нь зөрчилдсөн, онолгүй болсон намын нэг зовлон. 60 тэрбумын схем албан ёсоор хэрэгжсэн, хууль бусаар Засгийн эрхийг авсан гэдэг нь маш ойлгомжтой болсон. М.Энхболд гэдэг хүнийг л муу хэлээд түүн рүү дайраад байгаа боловч үндсэндээ энэ 64 гишүүн тэр л арга замаар орж ирсэн байна шүү дээ. Үүнийгээ өөрсдөө л нотолсон. Туг болгож тахих хүн нь М.Энхболд л байхгүй юу.

Дараагийн хувилбар нь гарч ирж, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёроороо туг тахих л байлгүй дээ. Тэр бол илт. АН-ын хувьд ийм зүйл байгаагүй гэдгийг шулуухан, баталгаатай хэлнэ. Таван төгрөгнөөс болж хөлөө жийлцэж байгаа хүмүүсийг амьдралдаа анх удаа харж байна. 900 сая, эсвэл нэг тэрбум төгрөг авч дийлэнхдээ хувьцаа зарцуулсан байгаа юм. У.Хүрэлсүх бол хаданд хавчуулагдсан халиуны зулзага. Хоёр талаас нь хавччихсан, магадгүй сөрөг хүчин хамт хавчиж байгаа байх.

-Харин ч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болохын тулд ЖДҮ-ийн зээлийг тараасан гээд байгаа…

-Үүнийг би нотолж чадахгүй. Гэхдээ МАН-ынхан У.Хүрэлсүх Ерөнхий сайд болоход нь санал өгсөн гишүүддээ ЖДҮ-ээс зээл авч егсөн гэж өөрсдөө нотолсон. Үүнийг АН, түүний хэн нэгэн гишүүн ил гаргаж нотлоогүй шүү дээ. Одоо эв нэгдэлтэй болж, сонгуульд орохыг нь л харах цаг. Юун дээр нэгддэг нь одоо л харагдана.

-2020 оны сонгуулийн өнгө аясыг та хэрхэн харж байна вэ?

-Шинэ сонгууль болно гэж хэлэхгүй. Улс төрийн замнал, улс орны хэтийн төлөвийг урьд өмнөхтэй нь харьцуулж үзэх чадварыг нь харсан ч энэ хоёр намаас л гарна. Шинэ намууд цөөн тоогоор орж ирэхийг үгүйсгэхгүй.

Тэд онолын түвшинд л ярьж байгаа болохоос бодит амьдрал дээр ярьж байгаа зүйлийг нь хүлээж авах боломж Монголын нийгэмд алга. Сайн жишгийг шууд авчраад буулгах хөрс байдаггүй юм. Тиймдээ ч би түүхийг алгасаж болдоггүй юм байна гэж хэлээд байгаа хэрэг.

-Хэнтий аймгийн 42 дугаар тойрог эзэнгүй айл шиг байсаар дуусаж байна. Иргэд, сонгогчдын эрх ашиг ч хохирлоо. Энэ нутгийн хүний хувьд юу гэж бодогдож байх юм?

-Хохирох, хохирохгүйн асуудал өнгөрсөн. Хэнтий аймгаас гурван гишүүн гарсан. Уг нь тэд бүгд аймгийнхаа хэмжээнд ажиллаад явах боломжтой. Гэсэн ч орхигдсон гэдэг нь үнэн. Хэдэн тойрогтой байгаад ч ялгаагүй жижиг тойрог маллана гэдгийн жишээ энэ.

Үнэхээр Монгол Улсыг нэг том төлөвлөлтөөр хараад, хүн ам цөөтэй энэ орныг хөгжүүлье гэвэл боломж зөндөө л байгаа байх. 42 дугаар тойргийн асуудал анхаарал татаж, сонгуулиудыг нь буцаагаад байсан болохоос биш зүгээр жирийн л нэг тойрог шүү дээ. Сонгосон хүн нь ямар хүн байсныг, яаж гарсныг мэдэхгүй юм.

Сонгууль гэдэг тухайн өдөр шийдэгддэг асуудал шүү дээ. Бараг л тэр өдөр яаж боссоноосоо шалтгаалаад хэн нэгэн хүнийг дугуйлчихдаг. Сонгогчид үнэн, зөв мэдээллийг аваад,сайн, мууг нь мэдэж, УИХ-д очиж болох хүн мөн эсэхийг нь ялгадаггүй. Сохроор дугуйлж байгаагаас л үүдэлтэй асуудал юм.

-Төрд байгаа хүмүүст ард иргэд нь харанхуй, бүдүүлэг байх тусмаа ашигтай байдаг гэлцдэг. Өнгөрсөн хугацаанд монголчууд үүнийхээ үр дүнг амсаж байна уу гэж харагддаг.

-Чиний ярьж байгаатай зарим талаараа санал нийлнэ. Учир нь хүмүүсийг мэдээлэлгүй, харанхуй, бүдүүлэг байлгаж өөрсдийнхөө боломжийг өндөрсгөдөг систем яваад л байна. Хедөө орон нутгаар явахад мэдээлэл үнэндээ алга. Яах вэ маш олон телевизүүд гарах л юм. Гэсэн ч иргэдийн мэдээллээ авч буй эх сурвалж нь дандаа буруу.

Нэг бол үзэн яддаг эсвэл юуг нь ч ойлгохоо больчихсон байдалтай л байна. Хөдөө орон нутгийн иргэд тэр байтугай боловсролтой хүмүүс ч Монгол комментыг л үздэг, үнэн гэж итгэдэг болж. Би бол үүнийг МАХН-ыг үүсгэн байгуулагч, стратегич Н.Энхбаяр гэдэг хүний бодлого гэж хардаг. Энэ хугацаанд хүмүүс өөрт тулгарч байгаа, нутаг орондоо үүсээд буй асуудалд бухимдаж, түүнийгээ мэдээлэх гэхээр хүлээж авах газаргүй болчихсон.

Хаана ч очсон хад мөргөөд байгаа. Аль нам нь хамаагүй, бүгдээрээ хаалттай. Тиймдээ ч бухимдсан иргэд үүнийгээ илэрхийлэх гэж маш урт гомдлын захиа бичдэг. Захиаг нь хүлээж авдаг ганцхан газар нь Монгол коммент.

Тэд захиаг нь ямар ч цензургүйгээр нийтэд уншиж өгдөг. Захиа явуулсан хүн нь бухимдаж байсан бүх зүйлийг минь Монгол комментынхон цацаад өгчихлөө, миний ажил болчихлоо гэж бодон санаа нь амардаг. Миний харж байгаагаар хөтлөгч хоёр иргэдийн дунд бараг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болж байх шиг байна. Тэд хэнийг ч шүүмжилдэг, элдэв янзаар хэлдэг.

-Таныхаар сонгогчийн боловсролыг яаж нэмэх вэ?

-Боловсролын систем унасан байх л гэж харж байгаа. Боловсрол өндөртэй, толгой цохидог гэж бид өөрсдийгөө хөөрөгдсөөр байгаад өнөөдөр иргэд ямар ч боловсролгүй болжээ. бичиг үсэг тайлагдаагүй хүмүүс ч олон байна. Үе үеийн Засгийн газар, намын мөрийн хөтөлбөрүүдэд орж байгаа бодлого хүрч чадахгүй байсны л илрэл.

Тэр дундаа боловсрол, соёл хариуцсан сайд нарын ажлын үр дүн харагдах байх. Бодлогоор л энэ ажлыг хийнэ. Өнөөдөр бодлоготой нам гэвэл Ардчилсан нам л бий болж байна гэж би харж байгаа. АН-ын боловсролын бодлого ямар байхаас дараагийн асуудал шийдэгдэх байх. МАН-ын хувьд бодвол бодлого нь өнөөдөр хэрэгжээд яваад байгаа учраас мэдээлэл нь яг хэвээрээ байгаа юм байлгүй.

Categories
мэдээ цаг-үе

Д.Дамба-Очир: 50:26-аар явбал Үндсэн хууль зөрчих байсан

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой ярилцлаа.


-Сонгуулийн хуулиар МАН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ гаргалаа. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоо пропорцианаль бус мажоритар байна гэж баталсан. Бид Үндсэн хуулиа дагах юм бол хоёр хэлбэрийг л сонгох учиртай. Нэгдүгээрт, аймаг нэг тойрог буюу томсгосон мажоритар. Энэ нь дотроо хэдэн ч мандаттай байж болно. Хоёрдугаарт, жижиг 76 мажоритар байх боломжтой. Ийм л боломж байгаа юм. Ямартаа ч МАН-ын Удирдах зөвлөл, бүлэг ингэж шийдлээ. Хоёр мажоритар тогтолцоо байдаг. Нэг нь жижиг, нөгөө нь том. Өнөөдөр (өчигдөр) томоор явахаар шийджээ. Үүнийг зөв гэж харж байна. 2008, 2012 онд энэ тогтолцоогоор явсан ч 2016 онд жижиглэчихсэн юм. Энэ тогтолцоогоор нэг аймаг гурван мандаттай байж болно гэсэн үг. Эрдэнэтийг гурав хуваахгүйгээр тэр чигт нь нэг тойрог болгочихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтээс нэр дэвшигчдээс эхний гурван хүн нь гарч ирнэ. Нэг хүн гурван хүнд санал өгнө. Хамгийн ихдээ гурван санал өгнө. Түүнээс багыг өгсөн ч болно. Гэхдээ өрсөлдөх хүмүүс чинь тойрогтой хүмүүс шүү дээ. Иргэдээс л сонгогдож гарч ирнэ.

Хэрэв 50:26-аар явбал Үндсэн хууль зөрчсөн асуудал болох байсан. 50:26 нь пропорцианаль шинжтэй. Үндсэн хуулиа батлаад удаагүй байж зөрчсөн үйлдэл хийж болохгүй л дээ.

-Энэ тогтолцооны давуу болон сул тал нь юу байдаг юм бэ?

-Намынхан хоорондоо өрсөлддөг, муудалцдаг нь сул тал. Гэхдээ нэр дэвшиж байгаа хүмүүсээсээ шалтгаална л даа.

Нэр дэвшигчид хоорондоо сэтгэл нийлээд явчих юм бол асуудалгүй. Сонгууль л болсон хойно хардаж, сэрдээд жигтэйхэн юм болдог юм л даа. Янз бүрийн л зүйл болж байдаг юм.

Мэдээж давуу тал бий. Одоогийн жижиг мажоритар Эрдэнэт хотыг л гэхэд гурван тойрог болгоод хуваачихсан. Угтаа сонгогдсон гишүүд бид Эрдэнэт хотынхоо хэмжээний асуудлыг ярих ёстой байтал сонгогдсон тойрог минь энэ гээд хороодынхоо асуудлыг яриад байгаа. Энэ том мажоритараар явснаар аймгийнхаа хэмжээний асуудлыг нэгдэж ярих боломж бүрдэнэ.

-Гишүүд нэг аймгаас сонгогдсон ч тойргоосоо шалтгаалан хоорондоо өрсөлдөж, дорвитой ажил хийхгүй байна гэж шүүмжлэгддэг. Том мажоритараар явснаар энэ нөхцөл байдал дээрдэх үү?

-Яг тийм. Тэр утгаараа энэ зөв шийдэл. Би өөрийнхөө тойрогт багтсан хорооны асуудлыг ярьж гүйхийн оронд нэг тойргоос сонгогдсон гишүүдтэйгээ нэг дор суугаад Эрдэнэтийнхээ, аймгийнхаа хэмжээний асуудлыг ярих юм.

-21 аймаг тус бүр гурван мандаттай байх юм уу. Дээрээс нь хот, дүүрэг тойрогт хуваагдах уу?

-26 тойрог болдог. 21 аймаг дээрээ Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг ороод 26 болно. Өвөрхангай байлаа гэхэд нэг тойрогтой аймаг хэрнээ гурван мандаттай байна гэсэн үг. Улаанбаатар нэг тойрог байлаа ч дүүрэг, дүүрэгтэй мандаттай байж болно.

-МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн 2020 оны төсөвтэй холбогдуулж тавьсан хоригийг хэсэгчлэн хүлээж авсан. Иргэд, аж ахуйн нэгжид дарамт учруулна гэдэг үүднээс энэ шийдвэрийг гаргалаа. Нөгөө талаар Нийгмийн даатгалын сан хүнд байдалд орно гэдгийг ч хэлж байгаа. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд улсын төсвийн орлого үргэлж давж биелж байгаа. Өнгөрсөн 2018 онд нэг их наяд төгрөг давж биелсэн. Энэ жил ч давж биелэхээр харагдаж байгаа. Тиймдээ ч заавал бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, иргэдэд дарамт учруулах нь зохимжгүй юм. Яахав 2017 онд байдал хүнд байх үед ОУВС-гийн өмнө үүрэг хүлээж нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь зүйтэй гэх шийдвэрийг гаргаж байсан. Миний хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь нэмэх гэж байсан асуудалд эсрэг байсан. Ямартаа ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч, дэмжлээ. Орлого тал дээр нь татварыг авахгүй байхаар болгож, зарлага талыг нь үлдээсэн. Зарлагыг зохицуулах боломж бий гэж харж байгаа. Төсвийн ажлын хэсгийг ахалж, баталж байсны хувьд төсвийн балансыг уншдаг болж. Тиймдээ ч зарлагыг нь нөхөх боломж байна гэж харж байна. Аль болох татварыг нэмэхгүй, бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байх нь зүйтэй. Хүмүүсийн амьдрал амаргүй байна шүү дээ.

Нийгмийн даатгалын сан хүнд байгаа. Улсын төсвөөс ихээхэн хэмжээний мөнгө энэ сан руу өгч байж тэтгэвэр тавьж байна. Нийгмийн даатгалын сан, тэтгэврийн асуудалд дорвитой шийдэл гаргахгүй бол болохгүй. Энэ нь тулгамдаж байгаа асуудлын нэг зайлшгүй мөн. Харин үүнийг ямар хэлбэрээр шийдэх вэ гэдэгт анхаарч, зөв шийдлийг гаргах хэрэгтэй. Зарчмын дорвитой арга хэмжээ авах нь чухал. Тэтгэвэр нь бие даасан, түүнээсээ тэтгэврээ олгоод явдаг болох ёстой. Хүн амын насжилт нэмэгдэж байна. Тэтгэврийн насны иргэдийн тоо ч нэмэгдэж байгаа. Харин нийгмийн даатгалын шимтгэл төлж буй хүмүүсийн тоо багассан. Ийм учраас цаашид нөхцөл байдал хүндэрнэ. Гэхдээ энэ удаад нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэхгүй байх нь зөв шийдвэр болсон.

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг шат дараатай нэмж байгаа. Энэ шийдвэртэй холбоотойгоор тэдэнтэй зөвшилцсөн зүйл бий юү?

-УИХ шийдвэрээ гаргачихсан. Одоо Сангийн яам, Засгийн газрынхан ОУВС-гийнхантай сууж гарцуудыг гаргаж, тэдэнтэй тохиролцохоос өөр арга байхгүй. ОУВС-гийн хөтөлбөрөөс гар гэж хэлж байгаа юм биш. Ирэх оны тавдугаар сард ОУВС-гийн хөтөлбөр дуусах ёстой. Миний бодлоор Монгол Улсын эдийн засгийн байдал харьцангуй сайжирч байгаа боловч эмзэг байгаа. Тийм учраас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан шиг сахилга баттай явахгүй бол болохгүй.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь нэмэхийн оронд “Капитал”-аас НДС-гийн мөнгөө авах ёстой гэж буй. Ер нь энэ шимтгэлийг нэмэхээ больсонтой холбоотойгоор гарч буй зарлагыг хэрхэн нөхөх вэ?

-2019 оны төсөв нэг их наяд төгрөгөөр давж биелж байгаа. Тэндээсээ тэтгэврийн санд мөнгө хийх боломж байгаа л гэж харж байна. Ер нь бол татварын хэмжээг буулгаж, татвар төлөгчдийг нэмж суурь баазыг нь өргөжүүлэх ёстой. Хувиараа бизнес эрхэлдэг ч татвар төлдөггүй маш олон хүн байдаг. Тэр бүрийг татвар төлдөг болгох нь зүйтэй. Төрөх нь үнэн, татвар төлөх нь үнэн гэдэг шүү дээ. Татвараа төлөөд л явах ёстой. Энэ бол нийгмийн өмнө хүлээж буй үүрэг.

-Улс төрийн намуудын тухай хууль хэдийгээр хэлэлцэх вэ. Намын санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдэх бол?

-Миний хувьд төрөөс санхүүждэг байх нь зүйтэй гэж боддог. Ялангуяа УИХ-д суудалтай намууд төрөөс санхүүжих хэрэгтэй. Улс төрд суудалтай намуудад томоохон намууд орж таарна. Тэд төлөвшчихсөн байгаа шүү дээ.

Хэрэв төрөөс санхүүжихгүй бол аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс санхүүжиж, тэднийхээ эрхшээлд ордог. Ийм байдлыг аль болох гаргамааргүй байгаа юм. Намын санхүүжилтийг илт тод болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, гишүүд тойрогтоо элдэв зүйлс тараадаг, сонгогчид нь эргээд нэхдэг байдлыг хуулиар хориглох нь зүйтэй. Нэр дэвшигчид нь нэг л хэм хэмжээнд захирагдаж сурталчилгаагаа явуулж, нэг л гараанаас гарцгаах ёстой. БНСУ, Япон зэрэг олон оронд яг л ийм хуультай байна. Гэтэл манайд иргэддээ бэлэг сэлт тараагаад сургачихсан, сонгогчид нь бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихож. Одоо энэ байдлаасаа татгалзах нь зүйтэй. Монголын сонгогчдын боловсрол дээшилж, харьцангуй өөрчлөгдөж байгаа. Олон ч сонгууль өглөө. Тиймдээ ч туршлагатай, ухаалаг болж байгаа гэж бодож байна.

-Сонгогчдынхоо саналыг авахын тулд бэлэг, сэлт өгөөд сургачихсан нэр дэвшигчдэд их учир байгаа байх л даа.

-Хуулиар хориглохгүй бол хэн ч өгнө шүү дээ. Улстөрч биш ч өөр хэн нэгэн өгч л таарна. Тиймээс үүнийг зогсоох тал руугаа хандах нь зүйтэй юм болов уу гэж боддог. Үүнийг сонгуулийн сүүлийн жил л хориглож байгаа. Зөвхөн сүүлийн жилд нь бус нийтэд нь, дөрвөн жилээр нь хориглочих хэрэгтэй гэж боддог.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Эрхэмбаяр: Хувьцаат компаниудад алдагдсан итгэлийг наашлуулахын төлөө ажиллана

Монгол Улсын гавьяат мал зүйч цолоор шагнагдсан “Түмэн шувуут” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяртай ярилцлаа.


-Танд Монгол Улсын гавьяат мал зүйч болсонд баяр хүргэе. Энэ баярт мэдээг дуулсан сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Баасан гаригийн орой ажил тарахын үед сонссон. Бүр их баярлаж хөөрөөгүй. Харин цаашдаа илүү ихийг хийх хэрэгтэй дээ гэсэн бодол төрсөн. Ер нь миний хувьд аливаа зүйлд хэт их догдлоод байх нь гайгүй л байдаг юм.(инээв)

-Та Архангай аймгийн харьяат байх аа.

-Би Архангай аймгийн Их Тамир сумын харьяат.

-Ээж, аавынхаа талаар ярихгүй юу. Эхээс хэдүүлээ билээ?

-Аав минь насаараа л нэгдэлд ажилласан. Манаач, сахиул, нярав, нягтлан, тоо бүртгэгч, трактор комбайны жолооч гээд л аавд минь хийж үзээгүй ажил гэж байхгүй дээ. 1950-иад онд трактор комбайны жолоочийн курс төгсөж байсан юм билээ. “Гэрэлт зам” нэгдлийн дарга Р.Минжүүр намайг долдугаар ангид байхад Хөдөлмөрийн баатар болсон юм. Аав тухайн үед нэгдэлд их л олон ажил хийдэг байсан. Идээний үйлдвэрийнх нь эрхлэгчээр ч ажиллаж байлаа. Тэр үед алдарт Тамирын цагаан ааруулыг хийдэг байсан санагдана.

Аав тун хөдөлмөрч хүн байсан. Үүнийг нь ч нутгийн зон олон дурсан ярьдаг. Ямар сайндаа л “Ломбо шиг арван хүнтэй бол юу ч хийж болно” гэсэн байхав. Миний аав “За гэвэл ёогүй” тийм л найдвартай хүн байсан. Аав дөрөвдүгээр анги төгссөн ч сүүлд оройгоор долдугаар анги хүртэл суралцсан юм. Хэдий тийм ч дөрвөн аргын тоо, сампинд гайхалтай сайн. Төрөлхийн цөлх, ухаалаг хүн байв даа. Ээж бол бага ангийн багш. Сайн ноён аймгийн Сэцэн Чин Вангийн хошууны хамгийн сүүлийн захирагч нь миний ээжийн элэнц өвөө юм гэдэг. Би эхээс наймуулаа, айлын хоёр дахь хүүхэд. Одоо бодоход таван ханатай гэр дотор найман хүүхэд, аав, ээжтэйгээ сайхан л байсан юмдаг. Ингэж л олуулаа бужигнаж өссөн дөө.

-Гавьяатын тэмдгээр энгэрээ мялааж гэр бүлийнхнийгээ баярлуулсан нь дамжиггүй. Ер нь ээж, аавыгаа санасандаа хүртэл баярлуулж байв уу?

-Аав минь намайг 46-тай байхад бурхан болсон юм. Аавыгаа тэгтэл нь их баярлуулж чадаагүй ээ, хөөрхий. Миний муу аав ажлын төлөө л хүн байсан даа. Ээж минь өдгөө 80 нас гарсан сайхан буурай бий. Хүүхдүүдтэйгээ сайхан л байна.

Хүүхдүүдээ зөв сайхан явж байгаад нь их баярлаж явдаг юм билээ. Ээж минь “Надад үнэтэй цайтай юу ч хэрэггүй. Та нар л эрүүл, зөв явахад болно” гэдэг Тиймдээ ч зөв явж л ээжийгээ баярлуулах юмсан гэж боддог юм. Баярлуулж байгаа ч гэж боддог. Ээж минь бизнес хийдэггүй хүүхдүүдээ их харж үзнэ. Хааяа надаас мөнгө авч цааш дамжуулна. Бүгдээрээ биш л дээ, ганц нэг дүүд тэгж мөнгө өгдөг. Би бол санаагаараа мөнгө өгч гялайлгахгүй, ээжээр л дамжуулна. Ээж цааш дамжуулахдаа тун сэтгэл ханамжтай байна. Тэр сэтгэл ханамжийг өгч, баярлуулах нь миний нэг үүрэг юм даа.

-Та өөрийн гэр бүлээ танилцуулаач?

-Эхнэр бид хоёр ижил мэргэжилтэй, нэг ангийн хоёр юм. Гэр бүлээрээ “Уул шугамандаа зоотехникч юм”. (инээв) 30 гаруй жил сайхан ханилж байна. Өнөөдрийн энэ амжилтын 51 хувь нь хань Тунгалагтай маань холбоотой. 51-ээс дээш гаргаж болохгүй, доош нь оруулж болохгүй. (инээв). Би нэг охинтой.

-Та Зоотехникч гэх мэргэжлийг яагаад сонгох болсон юм бэ?

-Би дунд сургуулиа онц дүнтэй төгсөөд конкурс өгөлгүйгээр урилгаар их сургуульд орж, энэ мэргэжлээ сонгосон. Миний нагац ах сум дээр Үржил селекцийн станцт ажилладаг байлаа. Малын удам угсааг сайжруулах ажлыг хийдэг байв. Ер нь 1970-1980 оны үед малын удам угсааг сайжруулах ажил их хийгдсэн шүү. Нагац ахын минь ажил надад их сайхан санагдана. Орос мэргэжилтнүүд ч манай суманд байсан юм. Мотоцикль унаад, нүдний шил зүүчихсэн яваа зоотехникчид их гоё харагддаг байж билээ. Энэ бүхнийг хараад л зоотехникч болох хүсэл төрсөн.

-Ажлын гараагаа хаанаас эхлүүлж байсан бэ?

-Хөдөө аж ахуйн дээд сургуулийг 1985 онд төгсөөд Архангай руугаа хуваарилагдсан. Очингуутаа өнөөх Үржил селекцийн станцуудынхаа орлогч дарга нь болсон. Дөнгөж сургуулиа төгсөөд ирж буй 23 настай хүүг том дарга болгочихсон хэрэг. Одоо тэр үеэ бодохоор инээд хүрдэг юм. Дарга дүрдээ бүр орчихсон, өөрөөсөө ахмад настай хүмүүстээ дарга нь юм чинь гэсэн байдлаар хандаад л. Харилцааны хувьд их л алдаж байсан юм шиг санагддаг. Тухайн үед алдаж байгаагаа мэдэхгүй. Одоо зарим залуучууд яг л миний тэр алдааг давтаж байгаа харагддаг. Тухайн үед сумдын зоотехникчдийн уулзалт хийлээ. Тэр уулзалт дээр би 30 минутын яриа хийж, дараа нь завсарласан юм. Уулзалтад оролцсон ахмад насны хоёр зоотехникч “Зүүнийхээ сүвэгчнээс гараагүй, номын дуунаас өөрийг мэдэхгүй энэ хүүхэд өөртөө их итгэлтэй байна. Ээ дээ даан ч болоогүй байна даа” гэх нь тэр. Тэр үг үнэхээр орой руу минь орсон. Орлогч даргын ажлыг нэг жил хийчихсэн байсан үе л дээ. Ингээд л ажлаа өгч, суманд очиж ажиллахаар шийдсэн. Тамир сумынхаа Цагаан нуур багт эхнэртэйгээ очиж гурван жил зоотехникчээр ажилласан. Надад маш их зүйлийг мэдрүүлсэн, ойлгуулсан он жилүүд болсон. Албан байгууллагын өрөөнд суух, хөдөө үйлдвэр дээр очоод ажиллах хоёр тэнгэр газар шиг ялгаатайг биеэр мэдэрсэн юм. Ингээд л 1990 онтой залгасан. Бусдын л адил ардчиллыг дэмжиж, басхүү Эрээн рүү ганзагын наймаанд явж байлаа.

-1990 оны ардчилсан хувьсгалд хэрхэн оролцож байв?

-Би нутагтаа, Цагааннуур баг дээрээ байсан. Тэндээ Монголын ардчилсан холбоо, Монголын социал демократ хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан. Өөрийнхөө байгаа орчинд л ардчиллыг дэмжиж оролцож байгаа хэрэг. Телевизгүй учир ардчиллын үйл явцыг зөвхөн радиогоор л сонсдог байж билээ.

-Ганзагын наймаа хийж, ардчиллыг дэмжигч байсан ч мэргэжлээсээ хол хөндийрөөгүй явж ирсний үр дүн өнөөдөр харагдаж байна. Ер нь шувууны аж ахуйг онцлон сонирхох болсон нь ямар шалтгаантай вэ?

-2004 онд шувууны аж ахуйг эхэлсэн. Үүн рүү орох хүсэл надад тун их байсан. Хөдөө аж ахуйн дээд сургуулийн тахианы аж ахуйн хичээл ордог Содномцэрэн гэж багш минь “Шувууны аж ахуй гэдэг эрчимжсэн мал аж ахуйн төгс хэлбэр. Шувууны өндөг хүн төрөлхтөнд бурхнаас өгсөн үнэт хүнс юм” гэж хэлж байсан. Энэ уг “Түмэн шувуут”-ыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Өндөгний 96 хувь нь шууд хүнд шим тэжээл болж, дөрөвхөн хувь нь шингэхгүй таны ялгадсаар гардаг. Ингэж хүнд ээнэгшиж шингэдэг хүнс одоогоор хорвоо дэлхий дээр байхгүй. Ийм үнэтэй хүнс юм. Тиймдээ ч олон улс оронд өндгийг стратегийн хүнс болгосон байдаг. Өглөөний цайг өндөгтэй ууна гэдэг дэлхийн соёлт хүн төрөлхтний жишиг, бичигдээгүй хууль болчихсон. Юуны тулд зоотехникч билээ ийм сайхан зүйлийн төлөө явна даа гэсэн бодол надад байсан. Ямартаа ч эхлүүлээд 15 жилийг үджээ. Мөн би махны үхрийн аж ахуй байгуулах юмсан гэж их хүсдэг байлаа. Түүнийгээ Дорнодод хийх гэж үзсэн ч цаг нь арай эрт байсан л даа. Дээрээс нь холдоод байсан учир 2010 оны үед “Мак” компанид зарчихсан юм.

-Хурдан хугацаанд амжилтад хүрэхэд тань юу нөлөөлөв?

-Өнөөдөр бид дэлхийн стандарт түвшинтэй эн зэрэгцэж байгаа. Энэ хэмжээнд хүрсэн тухайгаа бусад салбарынхан санаа аваасай гэдэг үүднээс ярих нь зүйтэй. Энэ салбарт анх орж ирэхэд маш их хоцрогдсон байсан. Тиймдээ ч би Хятадын шувууны аж ахуйн салбарын хамгийн шилдэг компанийн захирлаас “Та ямар ч хөрөнгө оруулахгүйгээр үүнээс олсон ашгийн 50 хувийг нь ав. Харин надад мэддэг бүх зүйлээ зааж өг” гэж аминчлан гуйсан. Бид гурван жилийн гэрээ байгуулсан юм. Надад бүх зүйлийг зааж өгсөн. Аливаа зүйлийг ганцаараа бүтээнэ гэдэг өрөөсгөл. Хамгийн шилдэг гэсэн хэсгийг түшиж, тэд нараас дэм авч ажиллах ёстой. “Түмэн шувуут” компани ингэж ажлаа эхлүүлж байсан юм шүү дээ. Дэлхийн жишиг болсон компанийн үйл ажиллагааг шууд хуулбарласан гэсэн үг. Өнөөх хятад хүн “Чи хэлсэн ярьсандаа байлаа. Одоо дангаараа энэ ажлаа үргэлжлүүл” гээд явж байлаа. Бид одоог хүртэл тэр хятад компанитай маш дотно харилцаатай байдаг. Дээрээс нь ОХУ, АНУ, Голланд, Францын компаниудтай байнгын холбоотой байна. Өнөөх хятад хүн л биднийг энэ бүгдтэй холбож өгсөн. Мөн Орос түншүүд маань ч олж өгсөн. Бие биетэйгээ сайн нөхөрлөнө гэдэг бизнест маш чухал. Хамгийн чухал нь бид дэлхийн тахианы аж ахуйн шинжлэх ухаан, тэжээл, арчилгаа, маллагаа, тоног төхөөрөмж тал дээр томоохон сүлжээнд багтсан. Тэдний заавраар бид явж байна гэж хэлж болно. Тахианы иддэг түүхий эдүүдийн дээжийг бүгдийг нь гадагшаа явуулдаг. Тахиа идэж болох түүхий эд, тэжээлүүдээс алинаас нь хэдэн хувиар хийх вэ, тэр тохиолдолд хэрхэх вэ гэдгийг хариуцаж байдаг бүхэл бүтэн институци бий. Дэлхий глобалчлагдсан учраас толгой институцийн өгөгдлөөр л үйл ажиллагаа явж болно. Цаашид ямар шинэ дэвшил, инноваци гарч байна тэр бүрийг л бид нэвтрүүлэхийн төлөө явна. Саяхан бид иод, омега, селений агууламж өндөртэй өндгүүд гаргачихлаа. Энэ 10 жилийн өмнө гарчихсан байсан зүйл. Бид сая үүнийг дэлхийн жишгээр нь нэвтрүүллээ. Энэ мөн л хамтын ажиллагааны хүч.

-“Түмэн шувуут” компани IPO зарласан. Яагаад IPO зарлахаар шийдсэн юм бэ?

-Бусад улс орнуудад IPO гэдэг амжилттай яваа компаниудын хөрөнгө босгож, үйл ажиллагаагаа өргөтгөдөг түгээмэл хэлбэрийн нэг шүү дээ. Амжилттай яваа, санхүүгийн хувьд сахилга хариуцлагатай, нээлттэй ил тод, бусад хүмүүс итгэхүйц байж IPO гаргах тухай ярина л даа. “Түмэн шувуут”-д хүмүүс итгэх байх гэсэн итгэл надад байсан. Амжилт гаргана, өгөөжтэй болно гэдэгт ч мэргэжлийн хүний хувьд найдаж байв. Тиймээс бид хийх ёстой, бид хийхгүй бол хэн хийхэв, үүнийг хийхийн төлөө явна л гэж бодож дайрсан. Орсныхоо дараа хариуцлагатай зүйл гэдгийг нь бүр их мэдэрсэн. Нийгэм, улс орон хөгжье, эдийн засагаа олон тулгууртай болгоё, хүмүүсийн орлогын тэгш байдлыг хангахын төлөө ажиллая гэвэл шудрага, сайн үйл ажиллагаатай хувьцаат компаниудыг бий болгох хэрэгтэй. Хүн урдах ажлаа хийгээд л явж байхдаа авсан хувьцаа нь өсч, ашиг орлого нь нэмэгдэж байх ёстой юм. Ийм л боломжийг олон хүнд өгөх ёстой. Дэлхийн нийт бизнес эргэлтийн 40 хувь нь ингэж явж байгаа. Гэтэл манайд хоёр, гуравхан хувьтай л байна. Үүнийг нэмэгдүүлэхэд хувь нэмэрээ оруулбал монгол хүн болж төрсний хэрэг бүтнэ. Аль болох олон хүний хөрөнгийг арвижуулж өгөх хэрэгтэй. Энэ чинь буян шүү дээ. Дээрээс нь 1990 оны өмч хувьчлалаар маш их хувьцаат компаниуд бий болсон. Тэд яг л хувийн компани шиг санхүү тайлан тооцоо нь нээлттэй бус, ашгийн өгөөж байхгүй, хувьцаа нь ч өсдөггүй. Үүнээс үүдэн ард түмэн хувьцаат компанид итгэхээ больсон. Үлгэр гэж бодох болсон. Угтаа энэ үлгэр биш юм. Энэ утгаараа бид алдагдсан итгэлийг наашлуулах, буцааж авчрах үйл хэргийн төлөө бид ажиллаж байгаа. Буцааж авчрах болно. Хүмүүс өөрт оногдсон ажлаа хийгээд хувьцааныхаа үр өгөөжийг тав, 10 жилийн дараа хүртэх боломжийг авчрахын төлөө “Түмэн шувуут” компани ажиллана. “Нэг толгойд нэг нүд хаваасаг” гэдэг шиг хувь хүн Эрхэмбаярт одоо байгаа боломж, цалин, хөрөнгө хангалттай, одоо болно. Харин эдийн засгийг бэхжүүлэх, хүмүүсийг орлоготой болгохын төлөө л ажиллах нь чухал байна. “Би хавчсан шиг хавчъя, чи харайсан шиг харай” гэдэг шиг бид харайсан шиг харайя, та бүхэн хавчсан шиг хавч. Хамтдаа л урагшаа явъя. Манай хувьцаа өдөр болгон арилжаалагдаж байна. “Хямд байхад нь авч, үнэтэй байхад нь зар” гэх маш энгийн теоромыг дэлхийн үнэт цаас, хөрөнгийн бирж, хувьцаа эзэмшигчдийн хамгийн шилдэг тоглогч Уоррен Баффет хэлсэн байдаг. Сайн компанийн хувьцааг хамгийн хямд, уналттай байх үед нь л авчих. Сайн компани гэдгийг энгийнээр хэлвэл таныг хулхидахгүй компани л гэсэн үг.

-Та эдийн засаг хямралтай үед бүх ажилчдынхаа цалинг 200 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байсан. Энэ талаараа тодруулаач?

-Ярилцлагадаа хэлье гэж бодож байсан нэг гол санаа минь үүнтэй холбоотой. Хүн сайхан амьдрах гэж л ажилладаг. Тийм хүсэл мөрөөдөлтэй ажиллаж байх ёстой. Ганцхан хувиа бодож болохгүй. Бид өнөөдөр нэг сэтгэлгээг таягдан хаях хэрэгтэй байна. Хүнд та гар дээр нь 400 мянган төгрөг өгч байвал одоо болих хэрэгтэй. Өөрийгөө бизнес хийж байна ч гэж битгий бод. Би бол ийм филисофитой. Яавал нэг, хоёр сая төгрөгийн цалин өгөх вэ, яагаад солонгосчууд гурав, дөрвөн сая төгрөгийн цалин өгөөд байгаа юм бэ гэдгийг бид бүгдээрээ бодох ёстой. Товчхондоо, бид бүтээмжтэй ажиллахгүйгээр хүмүүстээ сайн цалин өгч, дэлхийтэй өрсөлдөж чадахгүй. Сүүлийн үеийн өндөр бүтээмжтэй, хоцрогдоогүй тоног төхөөрөмж, техник технологи, шинжлэх ухааныг ашиглах ёстой. Тэгж байж хүмүүсийн бүтээмжийг нэмэгдүүлнэ. Саяхан би БНСУ яваад ирлээ. Ким гэж махны үхэр тэжээдэг өвгөнтэй уулзлаа. 600 үхэртэй хэрнээ гурвуулхнаа ажиллаж, жилдээ гурван тэрбум воны орлого олж байна. Тэнд ажиллахад хүн түүртээд байх зүйл алга. Техникүүд нь бидний л мэддэг зүйлүүд байх юм. Яаж хүн хэмнэх вэ гэдгээ маш сайн боджээ. Хүн хэмнэлээ гээд ажлын байр багасгаж байна гэж ойлгож болохгүй. Хүн хэмнэхийн цаана нь цалин нэмж байна л гэсэн үг.

-Таныг импортын тахианы махыг шахах зорилготой гэж сонссон. Энэ чиглэлд ямар ажил хийгдэж байгаа вэ?

-Бид импортын тахианы махыг орлох тахианы аж ахуйтай болъё гэсэн зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Импортын тахиаг багасгах ажил руугаа орох уу, эсвэл үйлдвэрлэж байгаа өндөгнийхөө хэмжээг илүү нэмэх үү гэх сонголттой бид тулгарч байгаа.

-Та Ардчилсан намын генсек, Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Харин яагаад улс төрөөс гарчихав?

-Би Ардчилсан намын гишүүн хэвээрээ л байгаа шүү дээ. Хоёр удаа өрсөлдсөн, ялагдсан. Нэг нь 2008 оны долдугаар сарын 1 хавьцаа юм. Багахан будлиантай гэж хэлж болохоор. Нөгөөх нь сайд Д.Сумъяабазартай өрсөлдсөн. Улс төрийн тухайд нэг зүйл анзаарсан. Улс төрд их шулуухан, түс тас байдал халтай байдаг юм билээ. Заримдаа жаахан бөөрөнхий байх ёстой. Ялангуяа буруу хандлагатай зүйл ярьж байгаа сонгогч бүрийн урдаас инээгээд л “Та сайн хүн шүү” гэж хэлэх ёстой шиг байгаа юм. Би тэгж чадахгүй. Бэлэнчилсэн, буруу сэтгэлгээгээр ярьсан хүнд буруу, зөвийг нь хэлэх хэрэгтэй. Цаашдаа ч хэлэх болно. Аливаа зүйлийг зөв хандлага руу нь чиглүүлэх ёстой. Хууль зүйн дэд сайд байсан Б.Энхбаяр “Монголчууд аа, өөрсдөө эхлээд авлига авахаа больчихъё” гэж байна лээ. Энэ үнэн. Сонгуулиар иргэд авлига авч байгаа шүү дээ. Ард түмнээрээ авлигачин болчихсон. Намууд нь улаан, цагаандаа гарчихсан. Улсаараа дөжирчихсөн энэ байдлаасаа салахгүй бол болохгүй ээ таминь. Ёс зүйн хувьд намууд нэгнээсээ илүү гарах юм алга. Бид оюун санаагаа цэвэрлэхгүй бол болохоо байлаа. Ер нь бол нохойны хулгайч зан хэзээ ч арилдаггүй. Эв нь таарвал хаяан доогуурх ууттай борцыг аваад л явчихдаг. Үүнтэй адил одоогийн төр засагт хулгайлаад сурчихсан, тийм арга барилтай хүмүүс их бий. Тэд хулгайчаа мэдэхгүй их гоё ярьдаг. Энэ хүмүүсийг бүгдийг нь цэвэрлэж залуусаар цус сэлбэж өөрчлөх нь зөв.

-Та ирэх сонгуульд нэр дэвших юм уу?

-Нэр дэвшихгүй. Би муухай ааштай учир сонгогчдоо загнаад хаячихна биз. (инээв). Би чинь нийгэмд их муухай ааштай хүн шүү дээ.

-Харин ч таныг зан харилцааны хувьд бусадтай нийцтэй хүн гэдэг юм билээ шүү дээ.

-Нийтлэг зүйл дээр зарчмаа барина л даа. Зарчимч хатуу, хүнд зөөлөн. Зарчим гээчээс хэзээ ч хазайж болохгүй.

-Бид ардчилалтай золгоод 30 жил болжээ. Ардчиллаа цаашид илүү сайнаар авч явахын тулд яах ёстой юм бэ?

-Ардчилал бол бидний сонгосон зам гэдгийг АН, МАН аль нь ч ялгаагүй хүлээн зөвшөөрч байгаа. Ардчиллыг аль нэг нам, хүн өмчлөх ёсгүй. Ардчиллынхаа хэм хэмжээг иргэддээ зөв ойлгуулах ёстой. Арчдилал эрхийг олгохыг сацуу үүргийг ч оноодог. Үүний жин бан нь таарах ёстой. Энэ зүйлийг иргэддээ ойлгуулах ёстой байдаг юм. Боловсролыг нэмэгдүүлж, хүнээ төлөвшүүлэхээс эхлэх ёстой. Мөн ёс зүйн хэм хэмжээнд өөрчлөлт хийх хэрэгтэй. Шударга бус үйлдэл, авлига газар авчихлаа. Тэр бүрт тухайн үед шийдвэр гаргах, гарын үсэг зурах түвшинд ажиллаж байсан хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Одоо завсарлацгаа, больцгоо гэсэн үг. Тэр нөхдүүд нэг их гавьяа байгуулчихсан мэт л хэвлэлээр ярих юм. Ямар ч гэмшсэн шинжгүй байгаа нь надад их сонин санагддаг. Ард түмэн нь ядуурч, авлига сүлжчихсэн, тэр нь ил тод болчихсон. Тийм хэрнээ л ялсан баатар шиг л байцгаах юм. Энэ бүхнийг иргэд маш сайн ойлгох нь чухал байна.

-Намууд сонгуулийн санхүүжилтээ хэрхэн бүрдүүлэх нь анхаарлын төвд байна. Ардчилсан намын тухайд нэр дэвшигч 100 сая төгрөгийн хандив өгөх ёстой гээд зарлачихсан. Түүнийгээ дэмжигч хувь хүн, компаниудаас хандив байдлаар авч болно гэж байгаа. Харин таны хувьд ямар ч төрлийн хандив өгөхгүй гэдгээ цахим хаягтаа бичжээ. Ингэж хэлэх болсон шалтгаан нь юу байв?

-Бид боломжтой бол хандиваа хангалттай өгч байх ёстой. Бидний хувьд тэр хандиваа хангалттай, үнэнч шударгаар өгч байгаа. Манай компанид хоёр тайлан байхгүй. Цэвэр ашгаасаа татвараа ном журмаар нь улсдаа тушааж, бүх ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлж байна. Хүмүүсийнхээ цалин орлогыг нэмэгдүүлийн төлөө ажиллаж байна. 200-гаад ажилчдынхаа нийгмийн асуудал дээр анхаарлаа хандуулж, найман хувийн зээлд орсон тохиолдолд гурваас таван жилийн турш зээлийнх нь хүүг дааж байгаа. Ажилчдынхаа өдрийн цай хоолд нь хамгийн чанартайг өгөхийг зорьж, жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна. Үүний хажуугаар бизнес хийхийн хүнд бэрх, хийсэн бизнесийнхээ хичнээн хувийг улсад тушааж байгааг мэдэхгүй хандив гуйж байгаа хүмүүс, байгууллага, төрийнхнийг би эгдүүцдэг юм. Чадахгүй гэдгээ ч хэлдэг. Үүнийгээ л бид тайлбарласан хэрэг. Бид нараас авсан татварыг улс зөв зүйтэй зарцуулж чадахгүй байна гэхээр л дотор талаас буцлах шиг болж байгаа юм. Төсөв 10 дахин нэмэгдчихээд байхад яагаад ажилчдын цалин нэмэгдэхгүй байгаа юм бэ. Ядаж тав дахин нэмчихэж болохгүй байгаа хэрэг үү. Тэгвэл юунд зарцуулагдаад байгаа юм бэ, тэр их мөнгө хаашаа гулгаж, урсаж орчихоод байна вэ. Тэгэхээр улс төрд орохоос аргагүй мэт. Төсөвт хяналт тавьж, зөв зарцуулж байгаа эсэхт нь оролцмоор санагддаг юм. Миний хувьд цаг нь болохоор улс төр лүү орох болно. Гэхдээ одоо бол биш.


Categories
мэдээ цаг-үе

Д.Тогтохсүрэн: Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хүн сонгуульд нэр дэвшвэл хасна

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.


-Эрх баригчид сонгуулийн тогтолцоог 50:26 байхаар ярьж байна. Гэсэн ч жагсаалтыг эсэргүүцэж байгаа гишүүд их байна. Хувь гишүүний хувьд та ямар саналтай байна вэ?

-Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэг нийт есөн гишүүний бүрэлдэхүүнтэй гарч ажиллалаа. УИХ-д суудалтай АН, МАХН, ШИНЭ намын төлөөллүүд орж ажилласан. Одоогоор судлах, хууль дээрээ ажиллах байдалтай байна. Сонгуулийн системийн тухайд 50:26 байхаар өргөн баригдсан. Ирэх долоо хоногоос энэ асуудлыг эцэслэн ярих болов уу гэж бодож байна. Манай бүлгийн гишүүдээс өргөн барьж буй систем дээр санал зөрөлдөж буй гишүүд ч байгаа. Дэмжиж буй гишүүд ч бий. Тийм учраас энэ асуудал өргөн дэлгэр яригдах болов уу.

Сонгуулийн жижиг мажораторын давуу тал бий. Сонгогчид өөрсдөө гишүүнээ шууд сонгох, гишүүд нь тойрогтоо, сонгогчидтойгоо ойр ажиллах, тэдний саналыг төрийн бодлогод тусгах, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг тойрогтой хуваарилж, ажил хэрэг болгох зэрэг эерэг талууд бий. Нөгөө талаар улс орны хэмжээнд төвлөрч, бодлогын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байна. Тэр утгаараа зарим улстөрчид сонгуулийнхаа системийг том болгож, улсын хэмжээний томоохон асуудлуудад хүч, анхаарал, бодлого төвлөрүүлэх хэрэгтэй байна гэж үзсэн. Энэ агуулгаар нь хандаж жижиг болоод улс орны хэмжээний сонгуулийн системийг хамтад нь оруулахаар 50:26-г өргөн барьсан.

-Эрх баригч намын өндөр албан тушаалтнууд болоод УИХ-д олон удаа сонгогдсон хүмүүс дахин сонгогдохын тулд л 50:26 гэх хувилбарыг гаргаж ирээд байгаа юм биш үү?

-Эцсийн эцэст дахин сонгогдох эсэхийг иргэд л шийднэ. 26 хүн улсын хэмжээнд нэг тойрог юм. Яахав танигдсан хүмүүс ороод ирчих нь гэдэг агуулгаар нь ойлгохыг үгүйсгэхгүй. Гэхдээ нөгөө талаасаа олон жил болснуудаас нь уйдчихсан хүмүүс нь зөндөө байна шүү дээ. Тийм учраас энэ асуудлыг аль аль талаас нь харах ёстой гэж бодож байна.

-26 гишүүнийг хувь тэнцүүлсэн байдлаар гаргаж ирэх нь шударга бус гэдгийг зарим улстөрчид хэлж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хуулийн 75 дугаар зүйл дээр сонгуулийн дүнг гаргахтай холбоотой асуудал байгаа юм. Ялангуяа 26 хүний дүнг хувь тэнцүүлсэн хэлбэрээр гаргах юм. Үүнийг Үндсэн хуультай нийцэхгүй байна гэж ярьдаг хүмүүс ч бий. Тиймээс үүнд анхаарлаа хандуулж, бодож үзэх хэрэгтэй. Бид энэ системээр явуулж үзээгүй учраас олон талаас нь л сайн ярих ёстой.

-Эмэгтэйчүүд болоод залуу үеийн төлөөлөл УИХ-д ороход улам хүндрэлтэй болж байгаа хэрэг биш үү?

-Нийгэмд эмэгтэйчүүд, залуучуудыг дэмждэг хандлага бий болчихсон шүү дээ. Тухайн улс төрийн нам жагсаалт дээрээ нийгмийн төлөөлөл болсон хүмүүсээ оруулж л таарна. Боловсрол, эрүүл мэндийн ч гэдэг юм уу сайн төлөөллүүдээ оруулах л байх гэж бодож байгаа.

-Эрх баригчид Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх бүртээ өөрт ашигтай гэх хувилбарыг санал болгодог. Энэ удаад ч тэр жишиг өөрчлөгдөөгүй байх. Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт МАН-д дахин гарч ирэх боломжийг нэмэгдүүлэх үү?

-Бид дахиж гарч ирнэ, ирэхгүй гэдэг агуулгаар нь Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа юм байхгүй. Өмнөх сонгуулийн хуулиудад байсан алдаа гажуудлыг засах нь л чухал байгаа юм. Тэр агуулгаар нь Сонгуулийн хуульд өөрчлөлтүүд хийгдэж байгаа. Сонгуулийн нэг хууль байсныг гурван салангид хууль болгон гаргана. Хариуцлагагүй байдлуудыг бий болгож байсан заалтуудыг хассан. Тиймдээ ч энэ хуулийг сонгогч саналаа өгөхөд ойлгомжтой энгийн, хариуцлага өндөртэй болгож оруулж байгаа.

-Орон нутгийн болоод Ерөнхийлөгчийн сонгуулийг салгасан. Тэдгээрт ямар тодорхой өөрчлөлтүүд орж байгаа вэ?

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг аравдугаар сард хийнэ. Ерөнхийлөгчийн сонгууль өөрөө хуулийн хугацаатай байдаг. Ерөнхий процессийн асуудлууд нь ижил.

-Сонгуулийн хуулиар сонгуулийн сурталчилгаан дээр сэтгэгдэл үлдээх боломжгүй болж байгаа хэрэг үү?

-Нэгдүгээрт, цахимаар суртачилгаа хийж болно. Гэхдээ тэр сурталчилгаа тодорхой нэр хаягтай л байх ёстой. Сонгуулийн сурталчилгаа явуулах вебсайт, цахим хаягуудыг сонгуулийн байгууллагад бүртгүүлнэ. Түүгээрээ л дамжуулж сонгуулийн сурталчилгаа явуулах юм. Өргөн барьсан хуульд сонгуулийн сурталчилгаатай холбоотой цахим мэдээлэл дээр сэтгэгдэл бичихгүй гэж заасан.

-Сэтгэгдэл бичүүлэхгүй байх тохиргоог хийнэ гэсэн үг үү. Ямар байдлаар хязгаарлах юм бэ?

-Технологийн асуудлуудыг нь мэдэхгүй байна. Түүнд Харилцаа холбооны зөвлөлийнхөн хариу өгөх ёстой.

-Ял эдэлсэн хүн УИХ-д нэр дэвшиж болохооргүй заалт Сонгуулийн тухай хуульд орж байгаа юм уу?

-Сонгуулийн тухай хуульд Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хүн нэр дэвшвэл хасна гэх заалт орсон.

-Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хүн гэдгийг тодруулаач?

-Зарим нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд явж байгаа хүмүүсийг нэр дэвшүүлж болохгүй нь гэж яриад байгаа юм. Магадгүй гэрч, сэжигтнээр ч юм уу шалгагдаж байхыг үгүйсгэхгүй шүү дээ гэж байна. Үндсэн хуульд гэм буруутай нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хүнийг гэмт хэрэгтэн гэж үзнэ хэмээн заасан байдаг. Өмнөх шатанд нь гэмт хэрэгтэн гэж үзэхгүй. Сонгуулийн хуульд орсон заалт бол үүнийг л хэлж байгаа. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд явж байгаа тохиолдолд сонгуульд нэр дэвших нь нээлттэй. Гагцхүү шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон хүн л нэр дэвшихгүй. Хорих ялаас өөр төрлийн ял эдэлж байгаа хүмүүс байдаг. Тэднийг хэлж байгаа юм. Тухайлбал, тэнсэн харгалзах ял эдэлж байгаа, шүүхээр торгуулийн ял авчихсан хүмүүс хамаарна. Хүнд хөнгөн гэмтэл учруулаад торгуулийн ял авсан ч гэдэг юм уу. Дээрээс нь төрийн алба эрхлэх хугацаагаа түр хугацаагаар хязгаарлуулчихсан хүн нэр дэвшиж болохгүй. Түүний хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байна гэсэн үг шүү дээ.

-МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн 2020 оны төсөвтэй холбогдуулж тавьсан хоригийг хэсэгчлэн хүлээж авсан. Холбогдох хуулиудад өөрчлөлт орж таарах байх. Гарах үр дагаврыг хэрхэн тооцож байна вэ?

-Засгийн газар 2017 онд ОУВС-тай хамтарч өргөтгөлийн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хөтөлбөрт зааснаар Нийгмийн даатгалын хувь хэмжээг таван хувь нэмэгдүүлэх тухай зааж, энэ дагуу өнгөрсөн хоёр жилд гурван хувиар нэмсэн. Улмаар 2020 онд хоёр хувь нэмэгдүүлэхээр заасан. Засгийн газар 2020 оны төсвийн төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийнхаа хүрээнд л төсвийн хуулиа боловсруулсан. Үүнд Ерөнхийлөгч хориг тавьсан. МАН-ын бүлгийн зүгээс НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлэх нь ажил олгогч, хөдөлмөр эрхлэгчдэд дарамт учруулж байна гэж үзсэн. Тиймээс НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлсэн Нийгмийн даатгалын сангийн төсвийн хуулиа эргэж харахаар боллоо. Хоригийг хүлээж авснаар хоёр асуудал үүснэ. Нэгдүгээрт, НДШ-ийн хоёр хувийн үйлчлэлийг хойшлуулах, цуцлах, хувь хэмжээг нь багасгах зэрэг хувилбаруудыг ярилцана. Хоёрдугаарт, НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлэх хүрээнд Нийгмийн даатгалын сангийн орлогод туссан 174.6 тэрбум төгрөгийг яаж олох вэ гэдгээ ярих юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд үүнийг олох боломж бий гэдгийг хэлж байсан.

-Татвар, шимтгэл нэмж таарах уу. Эсвэл “Капитал”-аас НДС-гийн мөнгийг авах уу?

-Татвар нэмэхгүй. Нийгмийн даатгалд даатгуулагчдынхаа хүрээ хязгаарыг нэмэх, өмнөх өр авлагыг барагдуулах зэрэг өөр олон төрлийн эх үүсвэр байна. Тэр хүрээнд 174.6 тэрбум төгрөгөө бүрдүүлэх боломж бий. Түүнийг нь бид хуулиараа зааж өгөх ёстой. Хоригийг хүлээж авсных нь дараа Нийгмийн даатгалын сангийн хууль, Нийгмийн даатгалын сангийн төсвийн хуульд тус тус өөрчлөлт оруулна. Ямартаа ч энэ ондоо багтаан Нийгмийн даатгалын сангийн төсвийн хуулийг батална. Тэгэхгүй бол ирэх оноос эхлээд тэтгэвэр нэмэгдээд эхэлнэ шүү дээ.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд цөөнгүй органик хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Тэдгээрт хэзээ өөрчлөлт хийх вэ. Цаг хугацааны хувьд хэрхэн төлөвлөж байгаа бол?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 30 гаруй хуульд өөрчлөлт орно гэж үзэж байгаа. Ойрын үед УИХ Үндсэн хуулийг хэрэгжүүлэх хуулиудын жагсаалтыг гаргана. Бид дотроо хуваагдаад ажиллаж байна. Миний хувьд л гэхэд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль дээр ажиллаж байна. Чадвал энэ намрын чуулгандаа багтаагаад Үндсэн хуульд нийцүүлээд өргөн барьчих санаатай байгаа. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг дагаад Хот тосгоны хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиуд өргөн баригдаж, багцаар хэлэлцэгдэх ёстой. Хэлэлцсэнийх нь дараа Засгийн газар улсын болон орон нутгийн чанартай ямар хотууд байх, түүний статус ямар байж, засаг захиргааны ямар чиг үүрэг эдлэх ёстой вэ гэдгийг оруулж ирэх учиртай юм. Хамгийн том асуудал нь энэ байгаа. Шүүхийн чиглэлээр хууль эрх зүйн шинэчлэлийн асуудлууд ч бий. Парламентын хуулиуд ч орж ирнэ. УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хууль зэрэг хуулиуд байгаа. Эдгээр дээр гишүүдийн ажлын хэсэг чиглэл чиглэлээрээ ажиллаж байна.

-Үндсэн хуулийг хэрэгжүүлэх хуулиудыг энэ хаврын чуулгандаа багтааж батлах уу?

-Заавал энэ удаагийн парламент бүгдийг нь батална гэж байхгүй. Бид хуулийн төслийг нь боловсруулаад бэлэн болгоод чадвал өргөн барина. Дараагийн парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийнхөө чиг хүрээнд батална. Бид зарим нэг хуулийг нь хэлэлцээд баталчих юмсан гэсэн бодолтой байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Г.Тэмүүлэн: Иргэд “Буух эзэн, буцах хаяггүй” гишүүдийг битгий бий болгоорой гэж хүсч байсан

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-Ерөнхийлөгч 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Эрх баригчдын зүгээс хэсэгчлэн хүлээж авах шийдвэр гаргалаа. Энэ нь хэр оновчтой шийдвэр вэ. Та санал нийлж байгаа юу?

-Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад ирж буй ачааллыг багасгана гэдэг утгаараа нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх хуульд хориг тавьж байгааг зөв гэж үзэж байгаа. Энэ өнцгөөс бүлэг хоригийг хэсэгчлэн хүлээн авах шийдвэр гаргасан. Ер нь хуулиараа нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд хоёр, 2019 онд нэг, 2020 онд хоёр хувиар тус тус нэмсэн. Аж ахуйн нэгж, иргэн нийтдээ 26.5 хувийг төлж байгаа гэсэн үг. Ажил хөдөлмөр эрхлэгч 14 хувь, ажил олгогч нь 12.5 хувийг төлөх юм. Та нэг сая төгрөгийн цалинтай бол 265 мянган төгрөгийг суутгуулна. Дээрээс нь хувь хүний орлогын албан татвар хасагдаж таарна. Ингэвэл таны цалингаас 300 мянган төгрөгөөс илүүг суутгах байх. Тиймдээ ч залуучууд нийгмийн даатгалын шимтгэл төлснөөс тухайн мөнгөө банкинд хадгалуулсан нь илүү үр өгөөжтэй гэж ярьж байна. Ер нь бид нийгмийн даатгалын тогтолцоонд том шинэчлэл хийх хэрэгтэй.

Төсөв талаасаа хүндрэлүүдийг ярьж байгаа ч иргэдийн нуруун дээрх ачаа илүү хүнд болсон. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн шалтгааныг судлахаар Нийгмийн даатгалын сан нь тэтгэврээ тавьж чадахаа больсонтой холбоотой байгаа юм. Энэ жил улсын төсвөөс нийтдээ 600 орчим тэрбум төгрөгийн татаас авсан. Ирэх жил нэг их наяд төгрөгийн татаас өгөхийг ч үгүйсгэхгүй. Энэ нь нийгмийн даатгалын тогтолцоонд гажуудал үүссэнийг харуулж байгаа юм.

-Тэгэхээр Нийгмийн даатгалын сан хангалттай хуримтлал үүсгэж чадахгүй байна гэсэн үг үү?

-Тийм. Иймд бид Нийгмийн даатгалын сангийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, иргэдийг НДШ-ээ идэвхтэй төлүүлдэг болгоход чиглэсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэтэл энэ боломжийг олж харахгүйгээр НДШ-ээ төлж буй цөөн хэдхэн ажил олгогч, хөдөлмөр эрхлэгчдэдээ ачаа дарамт учруулж байна.

Тэд энэ ачааллыг даахгүй сөхөрч унах нь байна. Үүнтэй холбоотойгоор би Ерөнхийлөгчийн тавьж буй хоригийг дэмжиж байгаа. Ерөнхийлөгч гурван асуудлаар хэсэгчилж хориг тавьсан. Үүний нэг нь сая дурдсан Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж буй тухайд юм.

Гэхдээ НДШ-тэй холбоотой Ерөнхийлөгчийн хоригт ороогүй, гишүүд анзаараагүй өнгөрсөн, Засгийн газар анхаарал тавихгүй байгаа нэг асуудал бий. Малчид болон хувиараа бизнес эрхлэгчдэд 2020 ондоо багтаан НДШ-ээ нөхөн төлөх бололцоог олгож буй. Өөрөөр хэлбэл, нэг жилийн хугацаанд төлж чадаагүй НДШ-ээ нөхөн төлөх боломжтой болж байна гэсэн үг. Энэ нь зарчмын хувьд нийгмийн даатгалын сан, бааз бүрдүүлэх, НДШ төлөгчдийг нэмэгдүүлэх зөв шийдвэр. Учир нь өнөөдөр нийт малчдын 20-хон хувь нь л НДШ төлдөг. Харин нийт хувиараа бизнес эрхлэгчдийн 30 хувь нь л НДШ төлж байна. Үлдсэн хүмүүс нь тэтгэвэрт гарч чадахгүй нөхцөл байдалтай байна. Тэр утгаараа төрөөс нэг удаагийн боломж олгож байгаа нь зөв. Гэхдээ бодлого нь ч зөв байх хэрэгтэй. НДШ огт төлж байгаагүй энэ иргэд өнгөрсөн хугацаанд санхүүгийн хүндрэлтэй, зээлээс зээлийн хооронд байсан болов уу. Гэсэн ч Засгийн газар НДШ-ийг нөхөн төлөх итгэлцүүрийг нь буруу тооцоолсон. Нөхөн төлж байгаа хүмүүс нэг сарын НДШ-д 43 мянган төгрөг төлөхөөр байна. Дийлэнх нь 10-аас дээш жил НДШ төлөөгүй хүмүүс байгаа. 10 жил төлөөгүй гэж үзэхэд таван сая төгрөг болгож нөхөн төлнө гэсэн үг. Тэгэхээр бэлэн таван сая төгрөг гаргаад төлнө гэдэг тун хүндрэлтэй. Ядаж он оных нь итгэлцүүрээр бодох юм бол арван жилийн НДШ-ийн нөхөн төлбөрт гурван сая төгрөг төлөх юм. Иргэдэд энэ боломжийг нь олгох хэрэгтэй. Энэ мөнгийг ах, дүү хамаатан саднаасаа зээлээд, тэтгэврийн мөнгөнөөсөө өгчих боломжтой. Ингэж Нийгмийн даатгалын сангийн бааз сууриа нэмэгдүүлэх нь чухал байна.

-Ямартаа ч Нийгмийн даатгалын шимтгэл нэмж буй асуудлыг Их хурал дахин авч үзэхээр боллоо.

-УИХ-аар авч хэлэлцэх ёстой. Нийгмийн хүлээлт ийм байна. Би саяхан тойргоороо яваад ирлээ. Сумын төвийн иргэдтэй уулзахад НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцэж байна. Тиймээс бид зайлшгүй энэ асуудлыг эргэн харж, авч үзэх ёстой юм.

-Сонгуулийн тогтолцоог 50:26 болгох эсэхийг УИХ одоо хэлэлцэж эхлээд байна. Та дэмжиж байгаа юу?

-Бид УИХ-ын долоон сонгууль хийж, тэр бүртээ сонгуулийн тогтолцоог өөрчилсөн. Одоо найм дахь удаагаа өөрчлөх эсэхийг шийдэх гэж байна. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж байгаа учир шалтгааныг нь аваад үзэхээр дандаа улс төрийн намаас болж байгаа юм.

Улс төрийн нам хүчнүүд ирэх жилийн сонгуульдаа яаж ялалт байгуулах вэ, ямар тогтолцоогоор оролцвол манай нэр дэвшигчид олон санал авах вэ гэдгээ л хардаг. Эсвэл тухайн улс төрийн нам доторх эрх мэдэлтнүүд яавал бид эргэн сонгогдох вэ гэдгээ л бодож байгаа. Ийм л тогтолцооны болоод хандлагын гажуудал байна. Энэ хүрээнд л бид сонгуулийн хуулийг өөрчилж ирсэн. Гэвч ард түмэн энэ сонгуулийн хуулиа өөрчил, бидний эрх ашиг хөндөгдөж байна гэж огтхон ч ярьж байгаагүй. Харин нэг удаа буюу 2016 оны сонгуулийн өмнө ард нийт энэ тал дээр байр сууриа илэрхийлсэн. Сонгуулийн сурталчилгаа хийж байх үед “Жагсаалт гэх зүйлээ дахин битгий гаргаж ирээрэй” гэж иргэд захиж байсан. Жагсаалт нэрийн дор тухайн намын эрх бүхий албан тушаалтанд ойрхон, хамааралтай байдаг, гишүүн болох мөрөөдөлтэй ч төрд байх ёс зүйгүй хүмүүс магадгүй мөнгө төлж орж ирэх боломжтой гэдгийг хэлж байсан. “Буух эзэн, буцах хаяггүй” гишүүдийг битгий бий болгоорой, сонгуулийн хуулиараа хааж өгөөрэй гэсэн хүсэлтийг тавьж байсан. Бид Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа бол нийтлэг эрх ашгийнхаа хүрээнд Монгол Улсын сайн сайхан, ард түмний хүсэлт хүлээлтийн төлөө байх ёстой. Улс төрийн намыг хүчтэй байлгадаг улс төрийн намд үйлчилдэг тогтолцоо 27 жилийн хугацаанд хэрэгжлээ. Бид үүнийг өөрчлөхийг хүсч л байгаа бол шударга, ардчилсан сонгодог зарчмыг л тусгах хэрэгтэй. Энэ нь 2016 оны сонгуулийн тогтолцоо болох жижиг 76 тойрог юм. Иргэд өөрсдийнхөө оролцоотойгоор төлөөлөгчөө сонгодог, түүгээрээ дамжуулж санал бодлоо илэрхийлдэг тогтолцоог шударга гэж үзэж байгаа.

-Тэгэхээр таны хувьд 50:26-гаар явуулахыг дэмжихгүй байгаа гэж ойлгож болох уу?

-26 хүнийг жагсаана гэдэг тухайн улс төрийн нам дахиад хүчтэй болно. Жагсаалтад орох нэгнийг хувь хүмүүс шийднэ. Эрх мэдэл, хөрөнгө чинээтэй хүмүүс нь сонгогдох нөхцөл бий болно. Нөгөө талаараа залуучууд, эмэгтэйчүүдийн сонгогдох боломж тэр хэрээр багасна. Жагсаалтад орууллаа гэхэд магадгүй 15-аас хойш эрэмбэлж, бэлгэ тэмдэг төдий л орох болов уу гэж харж байна. Зарчмын хувьд бид сонгуулийн нэг тогтолцоотой байх ёстой. Үүнээсээ хэлбийлгүйгээр 10-20 жил мөрддөг байх учиртай.

Онцгой нөхцөлд, ард нийтийн хүсэл эрмэлзэл дээр үндэслэж өөрчилдөг байх хуулийн төслийг хийх хэрэгтэй. Дээрээс нь жижиглэсэн тогтолцоо нь өргөн дэлгэр нутаг, цөөн хүн амтай Монгол Улсад зохимжтой юм. Сөрөг талыг нь төсөвтэй холбож тайлбарладаг. Жижиг тойргуудад төсвийн мөнгийг үрэн таран хуваарилж, улсын хөгжлийн том бодлого хэрэгжихэд тээг саад болж байна гэж шүүмжилдэг нь үнэн. Гэхдээ энэ асуудлыг Төсвийн тухай хууль, санхүүгийн сахилга батыг сайжруулах хүрээнд шийдэж болно. Зөвхөн төсвийн хуваарилалтаас болж сонгуулийн хуулийг өөрчилж, улсынхаа онцлогийг буруушаах нь оновчгүй.

Энэ нь Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал. Учир нь 2016 онд сонгуулийн тогтолцоон дээр Цэц бүрэн шийдвэрээ гаргачихсан. Иргэд өөрсдөө сонгох эрхээ бүрэн, шууд эдэлдэг, иргэдээс сонгогдсон хүмүүс нь гишүүн болдог байх асуудлаар Цэц шийдвэрээ гаргасан. Техник технологи талаасаа ч боломжгүй. Монгол Улсад бүртгэлтэй 34 нам байна. Тэд тус бүр 26 хүн нэр дэвшүүлэхэд 800 гаруй болно. Иргэдийн хувьд 800 хүний нэрийг нэг бүрчлэн уншиж танилцана гэдэг боломжгүй. Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, бичиг үсэг тайлагдаагүй хүмүүст энэ нь тун бэрхшээлтэй. Тэр ч утгаараа энэ нь сонгогчийн эрхийг зөрчиж байгаа асуудал юм.

-Нэг тойрогт өрсөлдсөн нэр дэвшигчдийг хувь тэнцүүлсэн байдлаар жагсаах нь хэр шударга юм бэ?

-Хамгийн өндөр санал авсан хүн тухайн жагсаалтад байгаа намынхаа хүнийг оруулж ирнэ гэж байгаа юм. Энэ нь тун буруу. 500 мянган санал авсан хүн 500 хүний саналтай хүнийг чирээд гишүүн болгоно гэдэг шударга бус. Энэ тохиолдолд 50 мянган саналтай хүн гишүүн болж чадахгүй нөхцөл үүснэ. Ёстой оймс, бүсэнд хавчуулагдсан нэгэн гэх нэр томьёо гарч ирж таарна. Тиймээс ард иргэдээс ямар санал авна тэр хувь хэмжээгээр жагсаад гарч ирэх ёстой гэж үзэж байна.