Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: Энэ УИХ хуваагдлын, хувь хувиа бодсон увайгүй хүмүүсийн талбар болж хувирсан

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-аар хэлэлцсэн. Хаалттай хуралдааны үеэр болсон нууц санал хураалтаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн ч ил санал хураалтаар түдгэлзүүлээгүй. Энэ нь эрх баригчдын үнэн нүүр царайг илтгэлээ ч гэж хэлэх хүмүүс байна. Сөрөг хүчний гишүүний зүгээс энэ үйл явдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-МАН ЖДҮ, 60 тэрбумын гэсэн хоёр бүлгийн хуваагдал хэвээрээ байгаа. Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх үед ч энэ нь тодорхой болсон. Ер нь УИХ дээр аливаа онцгой асуудлыг МАН шийддэггүй, АН л шийддэг юм шүү дээ. Энэ удаад ч МАН 27, 28-аараа хуваагдсан. Үүн дээр АН санал өгч, энэ асуудлыг нэг тийш нь болгосон.

МАН-ын хуваагдал нууц санал хураалтыг батлах үед бүр ч ил тод болсон. Тодруулбал, 60 тэрбумын нөхдүүд нь бүгдээрээ хурал хаяж гарч явцгаасан.

Ард нь үлдсэн хэд дээр АН-ынхан нэмэгдэж ирц хүргэж байж энэ асуудлыг эцэслэсэн. Үнэхээр энэ УИХ хуваагдлын, хувь хувиа бодсон увиагүй хүмүүсийн талбар болж хувирсан. Тиймдээ ч энэ УИХ аль хэдийнэ тарах ёстой байсан. Эрт тараад нэрээ цэвэрлээд авчихсан нь дээр байж дээ гэдэг нь одоо харагдаж байна.

-Эрх баригч намын хоёр ч гишүүн явчихлаа. Энэ нь өмнөх парламентуудынхтай харьцуулбал хэр өндөр дүн юм бэ?

-1996-2000 оны хооронд хууль хүчний байгууллагынхан казиногийн асуудлаар сүржин мэдэгдэл хийж, АН-ын гурван гишүүнийг авч явсан. Гэсэн ч эцэст нь ихэнхийг нь татварын хэргээр ялласан. Өөр ийм тохиолдол бол байгаагүй. Энэ УИХ л асуудалтай гэдэг нь харагдаж хоёрын хоёр гишүүнээ өгч явуулж байгаа. Ер нь бол цаашдаа Монголын ард түмэн төрд илгээж байгаа хүмүүсээ маш сайн тунгаан бодож байх нь зүйтэй. Бидний өмнөөс чин шударгаар ажиллаж, төлөөлөл минь болж чадна гэсэн хүнээ л сонгох нь чухал болж байна. Сүүлийн үед иргэд нам харгалзахгүй хүнээ сонгоно гэж ярьж байгаа нь өнөөдрийн УИХ-ын өнгө төрхөөс болж буй юм. Иргэд ийм л санаа бодолтой болсон байна.

-Н.Номтойбаяр гишүүний зүгээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ч УИХ-аас түдгэлзүүлэхээр шийдсэн. Түүний чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцэх үү?

-УИХ түдгэлзүүлэхээр шийдсэн учир чөлөөлөх асуудлыг хэлэлцэхгүй.

-Тэрээр чөлөөлөх хүсэлтээ өгөх үедээ 2020 онд намайг нэр дэвшүүлэхгүйн тулд ийм зүйл хийлээ гэж байсан. Намууд дотор мандатын өрсөлдөөн яваад эхэлчихсэн хэрэг үү?

-МАН 2020 оны сонгуульд оролцохын тулд нэрээ цэвэрлэх зайлшгүй шаардлага гарч байгаа. Учир нь өнөөдрийн УИХ-ын гишүүд ёс зүйн наад захын шаардлагыг хангахгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч ч гэсэн энэ УИХ-ыг тарахыг шаардаж байсан. Иргэд ч тийм саналтай байдаг. Тиймдээ ч зарим нэг ёс зүйгүй нөхдүүдээсээ салах зорилгынхоо хүрээнд энэ ажлыг хийж байгаа. У.Хүрэлсүх өөрийнхөө Засгийн газрыг авч үлдэхийн тулд ЖДҮ-ийн мөнгөөр ждүчдийг угжсан. Түүнийхээ хүчинд Засгийн газраа авч үлдсэн. Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах боломж цаг хугацааны хувьд байхгүй учир түүнд цаашдаа ждүчдийн хэрэг байхгүй. Тийм учраас ждүгийн хэд хэдэн хэрэгтэнг оруулж ирж өгч байна, түдгэлзүүлж намаа аврах зүйл хийнэ. Яг сонгуулийн эцсийн нэр дэвшилт дээр ждүчдийн эрхийг нь хасаад өөрийнхөө хэдэн ждүчдийг л нэр дэвшүүлэх нөхцөл байдал руу орно.

Н.Номтойбаяр гишүүний хувьд хэд хэдэн ёс зүйн, албан тушаалын болон бусад алдаануудыг гаргасан. Энэ нь тодорхой хэмжээнд ил болсон. Тийм учраас энэ асуудлын хүрээнд шийдэгдэж байгаа.

-Сөрөг хүчний зүгээс Улаанбаатар хот дахь мандатын тоог цөөлснийг эсэргүүцсэн ч хууль батлагдчихлаа. Энэ шийдвэрийг та бүхэн юутай холбож тайлбарлаж байгаа вэ?

-Сонгуулийн хууль болгоноор МАН Улаанбаатар хотын мандатыг хасдаг, АН буцаагаад нэмдэг. Ийм нөхцөл байдалтайгаар өнгөрсөн хугацаанд явж ирсэн. АН-ын зүгээс Улаанбаатар хотод нийт хүн амын 46 хувь нь амьдардаг учраас, УИХ-ын гишүүд нь хүнээс сонгогддог тул нийслэлийн мандат их байх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байдаг. МАН Сонгуулийн тухай хуульд хүн ам, газар нутгийг харгалзан гэж оруулаад хөдөө рүү мандат шилжүүлэх ёстой гэж ярьж байгаа. Бид хүнээс сонгогддог гэдгээ мартах ёсгүй. Миний хувьд Улаанбаатар хотын мандатыг хэвээр байлгах ёстой, харин Хэнтий мэтийн аймгуудаас мандатыг нь хасч, жижиг дөрвөн аймагтаа нэмэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ бид бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Үүнийхээ хүрээнд бүсийн төвийн аймгуудыг зайлшгүй гурван мандаттай байх ёстой гэж үзсэн. Миний хувьд ч энэ байр суурин дээр байгаа.

Ер нь бол МАН тодорхой рейтингийн судалгаа хийж, тойрог, мандатаа хуваарилсан. Улаанбаатар хотод амжилттай сонгууль явуулж чадахгүй нь гэж үзээд мандатын тоог багасгаж байгаа. Мөн рейтингийн судалгаагаар Улаанбаатар хотод амжилт гаргахгүй гэсэн учир 2020 оны төсөв дээр нийслэлийн хөрөнгө оруулалтын хэмжээг багасгасан. Улаанбаатар хотын төсвөөс 300 тэрбум төгрөгийг улсын төсөв рүү татаж, хөрөнгө оруулалтыг нь танасан. МАН Улаанбаатар хотод огт амжилт гаргахгүй гэдэг нь ч үүгээр батлагдаж байгаа. Хэрвээ Улаанбаатар хотын төсөв нь урьд оных шиг хэмжээнд байгаад, тануулаагүй бол маш олон зүйлийг шийдэх боломжтой байлаа. Гэр хорооллын барилгажилт, утаа түгжрэл, нийтийн тээврийн шинэчлэл зэрэг олон ажлуудад Улаанбаатар хот өөрөө хөрөнгө оруулалтаа хийгээд явах боломжтой байсан ч энэ бүхнийг хаасан.

-Керосиныг онцгой татвартай болгох Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өнөөдрийг хүртэл УИХ дээр орж ирээгүй байна. Таны хувьд хуурамч шатахууны асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Сүүлийн үеийн нөхцөл байдал ямар байгаа бол, хууль эрх зүйн хувьд нааштай үр дүн гарах нь уу?

-Хуурамч шатахууны талаар өргөн баригдсан хууль байхгүй. Уг хуурамч шатахууныг үйлдвэрлэдэг компаниуд маш хүчтэй лоббитой. Энэ талаар миний бие УИХ-ын хуралдаан дээр хэлж байсан. Хэлж ярьсны дагуу хууль хүчний байгууллагууд ямарваа нэгэн арга хэмжээ авахгүй байгаа. Ийм учраас миний бие керосинд татвар ногдуулах хуулийн төслийг бичиж бэлэн болгосон. Одоогоор Засгийн газар, яамдаас санал авах хэмжээнд явж байна. Хаврын чуулган эхлэхээс өмнө энэ хуулиа өргөн барина. Өнөөдөр Монголын бүх машин хуурамч шатахууны хэрэглэгч болсон. Ер нь бол таван машины нэг нь өдөр тутамдаа хэрэглэдэг гэх тооцоо бий. Энэхүү хуурамч шатахуун нь Монгол Улсад орох ёстой татвараас хулгайлж байгаа. Хоёрдугаарт, машинтай хүн бүрийг хохироож байна. Тэр хор хохирлын дүнг хэмжээлшгүй. Хэн нэгний унаж яваа приус машины цахилгаан карбюратор нэгээс хоёр жил болоод л эвдэрчихдэг. Дизель машины аппаратур нь хэдхэн сар болоод л эвдэрчихэж байна. Энэ бүхэн хуурамч бензинээс л болж байгаа. Тиймээс ард иргэдэд санхүүгийн хохирол учруулж, улсын төсвийн орлогод ноцтойгоор нөлөөлж байгаа энэ асуудалд цэг тавих ёстой.

-Хэрэглэгчид хуурамч шатахуун эсэхийг ялгаж, таньж мэдэх боломжтой юу?

-Боломжгүй. Хольчихдог учир жирийн иргэд ялгах боломжгүй. Керосин татвартай болчихвол ямар ч асуудалгүй бензин, дизелийн түлш орж ирнэ. Ингэснээр иргэдээ эд материал, санхүүгийн хохирлоос аварна гэж үзэж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Н.Энхболд: Барилга, инженерийн болон кибер орон зайг халдлагаас хамгаалах мэргэжлийн цэрэгтэй болно

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа.


-Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцож байгаа. Энэ шийдвэр хэр зөв шийдэл гэж та хардаг вэ?

-Гэнэтхэн шийдээд л цэргүүдийг бүтээн байгуулалтын ажилд оруулчихсан хэрэг биш л дээ. 2016 онд батлагдсан хуульд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн газар шийдвэр гаргаад Зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно гэж заасан байдаг юм. Сүүлийн 30 жилд одоогийнх шиг том бүтээн байгуулалтад оролцоогүй болохоос биш хавар, намрын ажил, гамшгийн үед манай цэргийнхэн л оролцож ирсэн. Ерөнхийлөгч зарлигаар баталсан журам ч бий. Үүний дагуу энэ ажил явж байгаа гэдгийг юуны түрүүнд хэлмээр байна. Хоёрдугаарт, иргэд мэдээллээр дутмаг байна. Хугацаат цэргийн албан хаагчид үүнд олноороо оролцдоггүй. Мэргэжлийн ахлагч, офицерүүд энэ ажлыг гүйцэтгэж байгаа. Үндсэндээ барилгын, инженерийн мэргэжлийнхэн хийж байна. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний 70-80 хувь нь дандаа мэргэжлийн цэргийн албан хаагчид юм. Хүмүүсээ хэрхэн яаж мэргэшүүлж бэлтгэснийг та бүхэн сонирхож байгаа байх. Цэргийн албан хаагчдыг мэргэжлийн сургуулиудад нь бэлддэг. Гадны орнуудтай хамтарсан нь ч бий. Тухайлбал, замын ажил дээр цөөнгүй офицерүүдийг Япон улстай хамтран бэлдсэн. Хүнд даацын жолооч нарыг МСҮТ-үүдтэй хамтран бэлтгэсэн. Мэргэжлийн ахлагчдаа ингэж бэлтгэдэг гэсэн үг шүү дээ. Гэхдээ төмөр зарим барих ажлыг бүгдийг нь Зэвсэгт хүчнийхэн хийхгүй. Манайхтай хамтраад туслан гүйцэтгэгчээр олон компани орж зэвсэгт хүчний ангиуд, хувийн хэвшлийн компаниуд нийлээд 60 гаруй байгууллага дээрх ажлыг гүйцэтгэж байгаа. Удирдан зохион байгуулах, чиглүүлэх ажлыг ерөнхий гүйцэтгэгчийн хувьд Зэвсэгт хүчний жанжин штаб хариуцаж байгаа.

Онцлоход, бид нефтийн үйлдвэрийн авто замыг барьж, ашиглалтад орууллаа. Монголчууд анх удаа хүнд даацын авто замыг өөрсдийнхөө хүчээр барилаа. Түүнийг Зэвсэгт хүчин хийлээ. Энэ нь манай бие бүрэлдэхүүний чадамжийг илэрхийлсэн бүтээн байгуулалт боллоо. Хамгийн гол нь бид техник, тоног төхөөрөмжөө маш сайн шинэчилж, өөрсдөө ч энэ хэрээрээ туршлагажиж байна. Цаашдаа Зэвсэгт хүчин хувийн компаниудаас дутахааргүй зам барих бэлтгэгдсэн боловсон хүчин, тоног төхөөрөмжтэй болж байгаа юм.

-Одоогоор нийт хичнээн цэрэг төмөр замын бүтээн байгуулалтад ажиллаж байна вэ?

-Төмөр замын ажил гүйцэтгэж байгаа нийт ажиллах хүчний дөрөвний нэг орчмыг зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн гүйцэтгэж байна. Одоогоор өвлийн улирал эхэлчихсэн байгаа учраас хийж болох ажлууд дээр нь цөөн тооны цэрэг ажиллаж байна. Газрын ажил эхлэнгүүт үргэлжлүүлэн оролцоод явна.

Энэ хооронд бэлтгэл ажлуудаа хангаад явж байгаа. Өнгөрсөн жил бэлтгэл хангах, очиж байрлах, ажлаа эхлүүлж жигдрэхэд их цаг зарсан. Бүх зүйл давчуу эхэлж байсан бол одоо жигдэрсэн. Бүтээн байгуулалтад оролцож байгаа цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд томилолтоор явж байгаа цэргүүдтэй адил зохион байгуулалттай байгаа. Холбоо, техник, хангамж, эмнэлгийн үйлчилгээ, хоол хүнс гээд бүх зүйлийг цэргийн үйл ажиллагааны дагуу хариуцсан газар, хэлтсүүд нь зохион байгуулж байна.

-Нийгмийн асуудлуудад хэрхэн анхаарч байгаа вэ. Цалингаа тогтмол өгөхгүй байна гэх шүүмжлэл гарч байсан. Энэ асуудал шийдэгдсэн үү?

-Бүтээн байгуулалтад оролцогчид цэргийнхээ цалинг авна. Дээрээс нь бүтээн байгуулалтын ажилд оролцсоноор хийснээрээ цалингаа аваад явна. Би Сангийн сайдтай хамтраад нэг тушаал гаргахаар ажиллаж байна. Энэ тушаал гарснаар хугацаат цэргийн албан хаагчид ч бүтээн байгуулалтад оролцсоноороо цалин авна, богино хугацаанд тодорхой мэргэжилтэй болно. Бүгдэнд нь цалингаасаа хуримтлал үүсгэх боломж бүрдэнэ. Энэ зорилгыг биелүүлэх хүрээнд миний хувьд хамтарсан тушаалдаа нэгэн санал оруулахаар төлөвлөж байна. Тодруулбал, тухайн албан хаагч бүтээн байгуулалтад ажилласан цалингийнхаа тодорхой хувийг гар дээрээ авна. Үлдсэн хэсгийг дансанд нь хийгээд явна. Хугацаат цэргийн албан хаагч халагдахдаа, эсвэл төсөл дуусахад олсон орлогоо орон сууцны юм уу, сургалтын төлбөртөө зориулах эх үүсвэртэй болно. Боломжийн цалинг цэргийн албан хаагчдад өгөх зохион байгуулалтад орох гэж байгаа юм. Мэдээж цалингийн хэдэн хувийг авах, хуримтлуулах эсэхийг өөрсдөөс нь асууна. Орон сууцанд уу, сургалтад уу гэдгийг ч асууж, түүний дагуу шийдвэрлээд явах бодолтой байна. Энэ ажил бүхэлдээ бизнесийн зарчмаар, хийснээрээ цалинжиж, төлбөрийг гүйцэт-гэлээр тооцдог учир тогтмол цалин шиг тогтсон хугацаанд олгоход хэцүү. Гүйцэтгэлийг шат шатанд хянаж батлахад бас тодорхой хугацаа хүлээгдэх явдал гарсныг хэлж байгаа байх.

-Төмөр замын бүтээн байгуулалт хэр хугацаанд үргэлжлэх юм бэ?

-Цэргүүдийн бүтээн байгуулалтад оролцох явдал нь нэг удаагийн төмөр зам тавиад эцэс болох асуудал биш. Барилга, инженерийн чадварлаг цэрэгтэй байя гэсэн урт хугацааны бодлого бидэнд бий.

-Тэгэхийн тулд яана гэсэн үг вэ?

-Зэсвэгт хүчний бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газраас шийдсэн. Ялангуяа бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор энэ өөрчлөлтийг хийлээ. Хуучин манай салбарт Барилгын цэргийн газар гэж улс орны бүтээн байгуулалтад маш их хувь нэмэр оруулсан биеэ даасан том бүтэц байсан. Сүүлийн 20, 30 жилийн хугацаанд энэ нь өөрчлөгдсөөр үндсэндээ цэргийн байгууллагууд өөрсдийнхөө хэмжээнд л барилгын инженерийн ажлуудаа хийдэг төдий хүчин чадалтай болж үлдсэн. Бусад улс орнуудын туршлагыг судлаад үзэхээр эдийн засгийн дэд бүтцийг байгуулах ажилд мэргэжлийн цэргээ оролцуулдаг жишигтэй байгаа юм. Тиймдээ ч цаг үеийн шаардлагаар дэд бүтцийн ажилд зориулж цэргийн бүтэц дотор дээр дурдсан шиг бүтээн байгуулалтын нэгж бий болгож ажиллуулж эхэллээ. Засгийн газраас ч Барилга, инженерийн төрлийн цэрэгтэй болно гэсэн шийдвэр гарч, одоо хуулийг нь боловсруулаад явж байна. Өөрөөр хэлбэл, инженерийн хувьд хүчин чадалтай, улс орны томоохон хэмжээний бүтээн байгуулалтад оролцдог цэргийн нэгжийг сэргээх эрх зүйн орчныг бүрдүүлэх гэж буй юм.

-Төмөр замын бүтээн байгуулалт урт хугацаанд үргэлжлэхтэй холбоотойгоор Энхийг сахиулах үйл ажиллагаанд хамрагдагчдын тоо буурах уу?

-Нөлөөлөх зүйл байхгүй. Бид Энхийг дэмжих ажиллагаандаа оролцдогоороо оролцоно. Тодруулж хэлэхэд өнөөдөр Монгол Улсыг дэлхийд таниулж байгаа цөөн хэдэн зүйл л байна. Говийн ноолуур, коксжсон нүүрс, мөн Энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа монгол цэрэг. Манай цэргүүд үнэхээр нэр хүндтэй. Би 2018 онд НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудын сайд нарын уулзалтад оролцсон. Тэнд уулзсан хүн бүр монгол цэрэг жинхэнэ чадвартай, тэвчээртэй, хатуужилтай, сахилгатай, үүргээ маш сайн гүйцэтгэдэг гэдгийг онцолж байсан. Ерөнхий сайд АНУ-д ажлын айлчлал хийж, Мянганы сорилтын сангийн дараагийн санхүүжилтийн асуудлыг шийдсэнийг та бүхэн мэдэж байгаа байх. Тэр үед АНУ-ын тал “Энэ нь мэдээж танай улсыг ардчилсан орны тань хувьд дэмжиж байгаа явдал. Нөгөө талаар Монголын цэрэг дэлхий даяар Энхийг дэмжих ажиллагаанд нэр, төртэй сайн оролцож байгаагийн бас нэг үнэлэлт” гэдгийг хэлсэн байгаа юм. Монгол цэргүүд үнэхээр брэнд болж чадсаныг энэ нь илтгэж байна. Энэ үнэлэлтийг бид бууруулахгүй, цаашдаа үргэлжлүүлэх болно.

-Цаашдаа монгол цэргүүд Энхийг дэмжих ажиллагаанд хэр өргөн цар хүрээтэй хамрагдах вэ?

-НҮБ-аас манай улсыг Энхийг дэмжих ажиллагаанд инженерийн цэрэг оруулаач гэх хүсэлт тавьсан. Хаана л халуун цэг байна, тэнд очиж сэргээн босголт хийж, хажуугаар нь хамгаалах үүрэг гүйцэтгэдэг бүтэц оруулахыг санал болгож байгаа. Цаашдаа өргөжүүлэх бодолтой байгаа. 2002 оноос хойш 18 мянган монгол цэрэг Энхийг дэмжих ажиллагаанд орсон. Яг өнөөдрийн байдлаар 1000 гаруй цэрэг гадаадад алба хааж байна. Дээр дурдсанчлан инженерийн, тусгай хүчний, эмнэлгийн цэргээ нэмж оролцуулаач гэсэн хүсэлтүүд бий. Манай улс энэ асуудлаар зарим амлалт авчихсан учир бид бэлтгэж байна. Энэхүү төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцсоноор Энхийг дэмжих ажиллагаанд энэ чиглэлээр ажиллах чадавх боломжид харин ч сайн нөлөөтэй.

-Батлан хамгаалахын салбарт өнгөрсөн онд тодорхой ямар ажлууд хийгдсэн бол. Эрх зүйн хувьд ямар эерэг өөрчлөлтүүд орсон бол?

-Хамгийн гол зүйл бол Монгол Улсын батлан хамгаалах бодлого, цоо шинэ өөрчлөлт орж, эрх зүйн хувьд шинэчлэгдэж байна. Түүний нэг том хэсэг нь батлагдаад буй Орон нутгийн хамгаалалтын хууль юм. Үүний дагуу бид бүх аймаг, нийслэлд Орон нутгийн хамгаалалтын бүтэц, тогтолцоо бий болгох арга хэмжээг эхэлсэн. Энэ тун чухал ажил. Учир нь Монгол Улсын Батлан хамгаалах тогтолцоо Зэвсэгт хүчин, орон нутгийн хамгаалал, дайчилгаанд тулгуурласан байх ёстой юм. Манайх бусад улс орнуудтай, тэр дундаа хөрш орнуудтайгаа харьцуулахад зэр зэвсэг, хүн хүчний хүчин чадал бага. Гэхдээ цэргийн шинэчлэлийн асуудлыг олон жил ярьж, бүх талаас нь судалж үзсэний дүнд манайх шиг өргөн уудам нутагтай, хүн ам цөөнтэй гэлээ ч нэгдмэл үзэл баримтлалтай, үндсэндээ нэг шашинтай, нэг ястан ихэнх хувийг эзэлдэг улсад орон нутгийн хамгаалалтын тогтолцоо хамгийн тохиромжтой юм байна гэж үзсэн. Үүний гол санаа нь хэрэг болсон үед орон нутгийнхаа хэмжээнд бэлтгэгдсэн бүлгүүд тэнд байгаа хүн хүч нөөц, дайчилгааны хэрэгслүүдээ ашиглан тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалах үйл ажиллагаа явуулах явдал. Заавал том хэмжээний дайн байлдаан хийнэ гэсэн үг ч биш шүү дээ. Ер нь ямар ч тохиолдолд тухайн нутаг дэвсгэр дээрээ урьдчилан бэлтгэгдчихсэн байх, онцгой байдал гамшгийн үед улс орон даяараа тухайн газартаа бэлтгэлтэй байх гол санааг агуулсан хууль юм. Үүний дагуу зохион байгуулалтын ажлууд хийж эхэлсэн. Бүх аймгууд төлөвлөгөөгөө батлуулаад түрүүчээсээ хэрэгжүүлээд эхэлж байна. Саяхан бид Өмнөговь аймаг дээр бүх аймгийн Цэргийн штабын дарга нарыг хамруулсан дадлага, сургуулилтыг шалгаад ирсэн. Энэ бол өнгөрсөн онд хийсэн их том ажил.

Өнгөрсөн жил Халхголын 80 жилийн ойг хүмүүст хүрсэн хэлбэрээр зохион байгууллаа. 2019 оны турш зохион байгуулагдсан энэ гол ажлыг манай яам нугаллаа. Энэ нь бидэнд ч гэсэн аливаа үйл ажиллагааг шинэ арга хэлбэрээр зохион байгуулахад сургасан. Яривал олон ажил байна, нэг ярилцлагад багтахгүй байх даа.

-Зэвсэг, техникийн шинэчлэлд төрөөс хэрхэн анхаардаг вэ. Ер нь зэвсэг хуучирч муудсанаас үүдэн сөрөг нөлөө гардаг уу?

-Орчин үед цэргийн зэвсэг техник асар хурдацтай хөгжиж байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын хамгийн тэргүүний ололтуудыг цэргийн салбар л ашиглаж эхэлж байна. Манайх энэ хэмжээнд хүрэхгүй. Үндсэн хуулиараа бид өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байх ёстой. Хэрэв Зэвсэгт хүчинтэй л юм бол тэр нь шаардлагатай зэвсэг, техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан байх хэрэгтэй. Улс орны эдийн засаг, санхүүгийн чадавхаас болоод бид санасан хэмжээнд зэвсэг, техникээ шинэчилж чадахгүй байна. Бид гадны цөөнгүй оронд айлчлал хийж, гадны олон ч сайд манайд айлчиллаа. Зэвсэг, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ажиллалаа. Ер нь өнөөдөр манайд хэрэглэгдэж байгаа зэвсэг, техник дэлхийд хэрэглэгдэж л байна. Гэхдээ л бидэнд солих, шинэчлэх шаардлага бий. Нөгөө талаар, орчин үеийн зэвсэг, техник асар их үнэтэй болсон. Жижиг бууны ганцхан ширхэг сум л гэхэд 2000 төгрөг. Сургалт, дадлагад л гэхэд хэдэн зуун мянгаараа хэрэглэгддэг сум шүү дээ. Орчин үеийн ганц онгоц, танк л гэхэд хэдэн арван тэрбумаар үнэлэгдэж байна. Манай улс орны санхүү, эдийн засгийн бололцоо тааруу учраас бид хамгийн сүүлийн үеийн техник хэрэгсэл авч чадахгүй байна. Гэхдээ бид гол төлөв цэрэг, техникийн хамтын ажиллагаатай орнуудынхаа буцалтгүй тусламжаар хэрэглэж байгаа зэвсэг, техникээ алхам алхмаар шинэчилж байна. Тухайлбал, бид өнгөрсөн онд хоёр нэгж сургалт, байлдааны зориулалттай орчин үеийн онгоцтой болсон. Энэ нь манай агаарын цэргийн хөгжилд томоохон өөрчлөлт авчирна. Нисэгчтэй, нисгэгчгүй хэрэгсэл Монгол Улсын хилээр зөвшөөрөлгүйгээр давж, агаарын орон зайд орж ирлээ гэхэд бид угтаж авах, буулгах, зогсоох, буцаах боломжгүй байсан. Одоо ийм тохиолдол үүсвэл бид дээрх арга хэмжээнүүдийг авах боломжтой болж байгаа.

-Манай хилээр, агаарын орон зайд дээрх байдлаар нэвтэрч байсан тохиолдол бий юү. Хэрэв байсан бол бид ямар арга хэмжээ авдаг байсан юм бэ?

-Бий. Гэвч аюул, хөнөөл тээсэн явдал гарч байгаагүй. Цаг уурын ажиглалтын, эсвэл баяр ёслолын зориулалтаар хөөргөсөн бөмбөлгүүд гэх мэт зүйлс байв. Газрын байгууламжийн хүчээр шинж чанарыг нь тодорхойлох, хөдөлгөөн, чиглэлд нь хяналт тавих ажлууд хийгддэг.

-Саяхан төрийн албаны мэдээллийн сан халдлагад өртлөө гэх мэдээлэл гарсан. Ер нь манай улс кибер орон зайн аюулгүй байдлаа хэрхэн хамгаалдаг юм бэ?

-Хүний бүхий л үйл ажиллагаа газар, ус, агаарын орон зайд явж байсан. Харин орчин үед кибер орон зай гэх тусдаа нэг ойлголт бий болсон. Кибер орон зайн ашиглалт, аюулгүй байдлаас амьдрал бүхэлдээ шалтгаалдаг боллоо. Кибер орон зай дайн, сөргөлдөөний онц чухал талбар. Манай энэ орон зайд аюулгүй байдлаа хангах ажлын эхлэл хэдэн жилийн өмнөөс тавигдаж, алхам алхмаар хийгдэж байгаа зүйлүүд байна. Бид кибер цэргийнхээ чадавхыг нэмэгдүүлэх ажлыг эхэлсэн. Мөн энэ ажлыг бодлого, төлөвлөгөөтэй үргэлжлүүлж мэргэжлийн кибер цэрэгтэй болохоор ажиллаж байна.

-Кибер цэрэг ямар эрх, үүрэгтэй байх вэ?

-Манай улсын хэмжээнд кибер аюулгүй байдлын түвшинг ахиулах шаардлага байгаа. Энэ талаар манай яамны зүгээс санаачлан ажил эхлүүлсэн. Тодорхой мэргэжлийн хүмүүс бэлтгэж, дэд бүтцээ хөгжүүлэхээр ажиллаж байна. Дэлгэрэнгүй яриад байх боломж байхгүй ч яваандаа кибер аюулгүй байдлыг хамгаалсан мэргэжлийн цэрэгтэй болно. Салбарын сайдын хувьд Монгол Улсын кибер орон зайг халдлагаас хамгаалах, өөрсдийн зүгээс шаардлагатай арга хэмжээг явуулах чадавхтай хэсгийг бусад олон орны жишгээр Батлан хамгаалах салбарт харьяалж байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Холбогдох бусад байгууллага чиг чигийн үүрэгтэй байна. Томоохон орнуудад Батлан хамгаалах салбар нь улс орныхоо кибер орон зай, түүний аюулгүй байдалтай холбоотой ажлуудыг хариуцдаг юм билээ. Үүний эхлэлийг тавих ажлын хүрээнд тодорхой хүч хөрөнгө зарж байгаа.

-Батлан хамгаалах салбар хүний нөөцөө бүрдүүлэх, чадавхжуулах, өсөх дэвших тал дээр ямар бодлого барьж ажилладаг вэ?

-Бид боловсон хүчнийхээ асуудалд хамгийн их ан-хаарал тавьж ирсэн. Би сайд болсноосоо хойш Батлан хамгаалах салбарын хүний нөөцийн бодлогын баримт бичгийг боловсруулж баталсан. Хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, бэлтгэх байр-шуулах, хөгжүүлэх цогц төлөвлөгөөтэй. Төрийн захиргааны төв байгууллагын хувьд яам-наас хүний нөөцөө бэлдэх, чадавхжуулах урт, богино, дунд хугацааны үйл ажиллагаа явуулах зорилтуудаа гар-гасан. Цэргийн мэргэжлийн сургуулиудаар дамжуулаад алба хаагчдаа гадаад, дотоодод бэлтгэж байна. Бодлогын хэмжээний гол боловсон хүчнээ бэлтгэх ажлаа яам хариуцна. Харин цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын хувьд Зэвсэгт хүчний жанжин штабын их сургууль дунд хугацааны, цэргийн нэгтгэл, анги байгууллага дээрээ богино хугацааны хүний нөөцийн төлөвлөлттэй. Түүнийхээ дагуу арга хэмжээгээ аваад явдаг. Ер нь манай тогтолцоо бусад салбаруудтай харьцуулахад тун ойлгомжтой. Би сайдын хувьд аль болох бүх шат, дамжлагаар дамжсан, шаардлага хангасан хүмүүсээ дэвшүүлэх зорилт тавьж ажиллаж байгаа. Албан тушаалын шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан цэргийн албан хаагчаа л дараагийн албанд дэвшүүлж явах нь энэ салбарын хувьд маш чухал. Учир нь цэргийн албан хаагчид тангараг өргөж, эрхээ тодорхой хэмжээгээр хязгаарлуулж, хүний тушаалаар ажилладаг. Хэн нь хэн бэ гэдгээ ч сайн мэдэцгээдэг. Огт өөр газраас мэргэжлийн бус, бүх шат дамжлага дамжаагүй хүнийг удирдлагад нь аваачаад тавьчихвал энгийн байгууллагаас илүү хохиролтой. Тангараг өргөж, эрхээ хасуулан байж цэргийн албанд зүтгэж байхад нь ийм шударга бус явдал тохиолдвол цэргийн сэтгэл зүй, урам, итгэл үнэмшил талаасаа ч маш хортой үзэгдэл.

-Цэргийн албан хаагчтай холбоотой асуудлыг Жанжин штаб илүүтэй анхаарах ёстой бол яам бодлого, чиглэлд илүү анхаардаг. Чиг үүргийг сайн мэдэхгүйгээс болж төөрөгдлүүд гараад байх шиг санагддаг. Үүнд та юу хэлэх вэ?

-Батлан хамгаалах яам бол салбарын төрийн захиргааны удирдлагын дээд байгууллага. Яам засгийн газрын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцна, бодлого гаргана, иргэн, цэргийн харилцааг хөгжүүлнэ, Зэвсэгт хүчний хөгжлийн бодлогыг тодорхойлно. Зэвсэгт хүчний жанжин штаб нь цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага. Цэргийн мэргэжлийн удирдлага, сургалт, сахилга, хариуцлага, хүний нөөцийн сонголт, томилгоо, цэргийн хэргийн болоод хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлаа бие даан хариуцдаг. Доошлоод төрийн цэргийн командлалууд бас өөр өөрийн хариуцсан ажилтай Ийм чиглэл, зорилго, ялгаатай. Гэхдээ ямар нэгэн асуудал гарахад яам түүнээс зугтаад, зайлаад, бидэнд хамаагүй гэж ярьдаггүй. Хуулиараа Жанжин штабын дарга, орлогчдыг Ерөнхийлөгч томилдог боловч тэд сайдын удирдлагад ажиллах хуулийн зохицуулалт бий. Хоёр удирдлагатай нэг алба гэсэн үг л дээ.

-Батлан хамгаалахын яам БСШУСЯ-тай хамтран хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулсан. Үүний хэрэгжилтийн талаар тодруулаач?

-Батлан хамгаалах салбарын нэг том үүрэг нь цэрэг, иргэний харилцааг бэхжүүлэх явдал. Ялангуяа ирээдүйн бэлтгэл үүрэгтэн талаас нь харж хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, тодорхой хэмжээгээр цэргийн мэдлэг, дадлага олгох асуудал энд орно. Энэ Засгийн газраас хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Үүний хүрээнд манай яам БСШУСЯ-тай хамтраад улсын хэмжээнд хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, цэргийн бэлтгэлтэй болгох, яваандаа хичээлийн хөтөлбөрт нь энэ чиглэлийг тусгах, их, дээд сургуулиудад хуучин байсан цэргийн тэнхимийг байгуулах гэх мэт ажлуудыг хийж эхэлсэн. Анхны том ажлын нэг нь өнгөрсөн оны сүүлч, энэ оны эхэн үеийг дамнуулаад нийслэл, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон цэргүүдээрээ яриа, танилцуулга хийсэн ажил. Хүүхдүүд маш их сонирхож хүлээж авсан. Нэг удаагийн энэ арга хэмжээг яваандаа бид цогц хөтөлбөр болгож, үүнийг улс орон даяар хэрэгжүүлэх ажилдаа орсон. Цаад утгаараа их өргөн агуулгатай ажлыг бид эхлүүлсэн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Номтойбаярыг явуулах, эс явуулахын ард юу болох вэ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороогоор өчигдөр хэлэлцсэн. Тус байнгын хороодоос Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Ингээд харахад түүнийг явуулахааргүй л харагдаж байна. Гэхдээ байнгын хороод Засгийн газрыг огцруулахгүй гэх шийдвэр гаргасан ч чуулганы хуралдаанаар огцруулчихаж байсан гашуун түүх бий. Хамгийн наад захын жишээ гэвэл 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан үйл явцыг дурдаж болно. Үүний нэгэн адил чуулганы хуралдаанаар “Асуудлуудынхаа үнэн мөнийг олоод ир” гэсэн гэмгүй үг хэлээд, бүрэн эрхийг нь түдгэлзүүлчихийг үгүйсгэх аргагүй. МАН-ын бүлгийн хурал дээр ч ийм л үг хэлжээ.

УИХ-ын гишүүн үнэн мөнөө тогтоолгоод эргээд парламентдаа сууж байсан түүх байдаггүй. Сонгууль дөхчихсөн энэ үед хэзээ үнэнээ олж, хэзээ нь ч буцаж ирэх юм. Энэ нь эелдгээр явуулна л гэсэн үг. Ямартаа ч МАН-ын бүлэг дээр ингэж шийдсэн нь сонирхол татаж байгаа. Энэ нь намын даргын өмнөөс өрвөлзөж, үгэнд нь ороогүйн сануулга байсан биз. Хатуу ч сануулга байв.

Хэрвээ Н.Номтойбаяр гишүүнийг явуулах юм бол хэрэг үүсгэж шалгаж байгаад сонгуулийн дараа “Уучлаарай. Та гэм буруугүй байжээ” гэж хэлэх магадлал өндөр. Н.Номтойбаяр л хүн алав гэж. Хөдөлмөр эрхлэх сантай холбоотой гэх асуудал салбарын сайдын хувьд хийх ёстой ажлуудынх нь л нэг байсан. Нэг ёсондоо энэ бүхэн ирэх сонгуулиас нэрийг нь татуулах арга л даа. Энэ технологи шинэ зүйл ч биш юм. Намбарын Энхбаяр, “Сод Монгол”-ын Ц.Анандбазараас эхлээд энэ технологид өртөгсдийн нэр хөвөрнө.

Байнгын хорооны шийдвэрээс харахад Н.Номтойбаярыг явуулахгүйгээр шийдчих шиг боллоо. Хэрэв энэ шийдвэрийг чуулганы нэгдсэн хуралдаанаар бататгавал УИХ болон МАН-д юу өрнөх, ямар үр дүн үүсэх вэ гэдэг нь тун сонин. Хэрэв тэр үлдвэл МАН-д жинхэнэ тулаан үүснэ. Учир нь тэрээр “Нам биш, харин гишүүд минь намайг авч үлдлээ” л гэж бодно. Үүнийг Н.Номтойбаяр ойлгохтойгоо. Тиймдээ ч түүний хэний эсрэг яаж тэмцэх нь тодорхой. Ёстой нууж хаах зүйлгүй хүчтэй тэмцэж таарна. Энэ хэрээрээ Монголын улс төр асар сонирхолтой болно. Тэгвэл Н.Номтойбаярыг үлдээж байгаад улстөрчдийн дундах хагаралдаанаар хэн нь хэн бэ гэдгийг харвал яасан юм бэ. Нэг ангиас нөгөө анги руугаа улам сонирхолтой болж үргэлжлэх, үйл явдал нь шатлан өргөжих сериал мэт л байх биш үү. Үүнд эргэлзэх зүйл огтхон ч алга.

Categories
мэдээ цаг-үе

Гурван үеийн төрийн түшээ, Сангийн сайд асан Б.Болорынх

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны дэд сайд, Сангийн сайд асан Баярбаатарын Болорынд өнжлөө. Гэрийн эзэнтэй ярьж тохирсны дагуу бидэртлэн ирсэн нь энэ. Бяцхан жаалууд хэдийнэ амтат нойрноосоо сэрсэн бололтой аавынхаа хамтаар хаалгаа тайлан угтав. Хүүхдийн инээд хөөр, цовоо цолгиун дуу цангинасан, халуун дулаан гэр бүл ажээ. Аав, ээжийнхээ болоод бяцхан үрсүүдийнхээ зургийг хоймор юугаан залсан нь хараа булааж байлаа. Өөрсдийнх нь залуу үеийн зургууд ч тэнд үзэгдэнэ. Ховор нандин ботиуд нүд хужирлаж байсныг ч онцлох нь зүйтэй. Гэрийн эзэгтэй гал тогоондоо өглөөнийхөө цайг бэлтгэж, хүүхдүүд нь өрөөндөө шуугилдах аж. Өнгөрсөн парламентад Сангийн сайдын хариуцлагатай албыг хашиж явсан Б.Болор зургаан хүүхдийн аав, өнөр бүлийн эзэн юм.

Тэрээр улс төрөөс багахан хөндийрсөн энэ хугацаандаа төрөлх сургууль болох Орос гуравдугаар сургуульдаа математикийн хичээл зааж, хүүхэд ахуйн мөрөөдлөө биелүүлэн даруухнаар аж төрж байна. Юун түрүүнд багшлах ямар санагдаж байгаа талаар нь сонирхон асуувал “Өмнө нь их, дээд сургуулиудад багшилж байсан удаатай. Энэ удаад сургуулиас хүсэлт тавьсны дагуу багшилж байна. Дунд сургуульд тун өвөрмөц байдаг юм байна. Манайх бүх хичээлээ орос хэл дээр заадаг онцлогтой. Багш нар болон шавь нар маань намайг монгол гэхээс илүү буриад хүн гэж боддог байсан. Би нэрээ Борис гээд хэлчихсэн юм чинь арга ч байж үү дээ. Одоо бол бүгд мэддэг болсон л доо” гээд инээд алдах нь тэр. Тэрээр их шогч хүн болох нь энэ мэт зүйлээс анзаарагдах аж.

Б.Болор Архангай аймгийн Чулуут сумын уугуул ч хотод өсөж, торнижээ. Бусдын л адил зуны амралтаараа нутагтаа очиж зусдаг байж. Байгалийн сайхныг мэдэрч, эрх дураараа тоглон нааддаг байсан учир зуны амралтаа тэсэн ядан хүлээдэг байсан хэмээн тэрээр дурсав. Нэгэн сонин тохиолдлыг онцлоход Б.Болорын өвөө, аав хоёр нь мөн л сайдын алба хашиж байжээ. Б.Болор сайдын өвөө Сэд-Очир нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны орлогч сайд, Ой модны аж үйлдвэрийн яамны орлогчоор ажиллаж байсан түүхтэй. Харин аав С.Баярбаатар нь Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байжээ. Тиймдээ ч Б.Болор нь гурван үеэрээ сайдын албыг хашиж, төр түшилцсэн ховорхон хувь тохиолын эзэн юм. Түүний аав цахилгааны инженер мэргэжилтэй хүн байсан бол ээж Батзаяа нь төгөлдөр хуурч мэргэжилтэй аж. Хөгжим бүжгийн сургуульд олон жил багшилсан тэрээр ач охидууддаа хэдийнэ төгөлдөр хуур зааж эхэлсэн болохыг гэрийн эзэн онцолж байлаа. Мөн гэрт нь залрах бяцхан төгөлдөр хуур ч үүнийг илтгэж байв.

Б.Болорыг 12 настай байхад ардчилсан хувьсгал өрнөж бүхий л зүйл өөрчлөгдөн шинэчлэгджээ. Математикийн хичээлдээ толгой өвддөггүй, дээрээс нь ардчилсан зах зээлийн эдийн засгийг сониучирхан ажигласан түүнд эдийн засагч мэргэжил сонгох хүсэл, эрмэлзэл төрсөн нь лавтай. Ийнхүү Бельгийн вант улсын Европын их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр дүүргэж богц дүүрэн эх орондоо иржээ. Түүний ажлын гараа “НИК”-ээс эхтэй. Гадны их сургуульд эдийн засагт мэргэжлээр төгссөн, англи, орос, франц хэлээр төвөггүйхэн ярих чадвартай хэмээн өөрийгөө ихэд тоож байсан ч анхны ажлын байран дээрээ гараад ихийг сурч, мэдсэн гэдгээ тэрээр нуулгүй хуучилсан юм. Тэрээр 1998-2001 он хүртэл “НИК”-д ажиллаж, шилдэг боловсон хүчин болтлоо хүлээн зөвшөөрөгдөж чаджээ. Улмаар “НИК”-ээс гарч, өөрийн гэсэн бизнесээ эхлүүлсэн байна.

Тэрээр бизнесийн орчныг сайтар мэддэг, басхүү хэлний мэдлэг өндөр чадвараа ашиглан “Гарьд Тур” хэмээх аялал жуулчлалын ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Хамгийн анхны жилээ 80 жуулчин хүлээж авч, тэр бүрийг тосохоор хүлээн зогссон үе нь түүнд үлдсэн сайхан дурсамжуудын нэг. Компаниа хөл дээр нь босгохын тулд жолооч, орчуулагчийн үүргийг өөрөө л хамтад нь гүйцэтгэдэг байж. Мэдээж аливаа хичээл зүтгэл хүнийг хоосон орхино гэж үгүй. Хичээсний дүнд тэрээр амжилтад хүрч 5000 гаруй жуулчин хүлээж авдаг, 100 гаруй ажилчинтай, Монголдоо дээгүүрт бичигдэх аялал жуулчлалын компанийг бий болгож чаджээ. Энэ бүхэнд түшиг тулгуур, нөмөр нөөлөг болдог ханийнх нь үүрэг оролцоо чухал байсныг тэрээр онцолсон юм. Б.Болор “Хувийн бизнес маань хөлөө олж аяндаа амьдрал жигдрээд ирсэн. Түүнээс хойш хувийн амьдралдаа илүүтэй анхаарч хөөрхөн үрсүүд минь мэндэлсэн дээ” хэмээн инээмсэглэсэн юм.

Тэрээр Ардчилсан намын гишүүн болоод 20-иод жилийн нүүр үзжээ. Намын үйл ажиллагаа, улс төрд илүү гүн гүнзгий оролцдог болсон үе нь 2008 он. Тухайн үед Ардчилсан намаас Архангай аймагт дэвшиж байсан гишүүдээ дэмжин ажиллаж байж. Мөн онд хамтарсан Засгийн газар байгуулагдахад Гадаад харилцааны дэд сайдын албыг хашсан байна. Хэдий шинэ салбар мэт боловч тун хурдан арга барилаа олж чадсан гэдгээ тэрээр онцлов. Мөн хийсэн ажлуудынхаа талаар “Залуучуудыг дэмжих санаачилгыг гаргаж ажилласан. Зарим уламжлалт арга барилыг солих оролдлого хийсэн. Гуравдагч хөршийн бодлогыг илүү хөгжүүлэх гэж оролдсон. Түүнийг ойлгодог, гуравдагч хөршүүдэд боловсрол эзэмшсэн залуусыг дээш нь гаргахыг хичээсэн. Газрын орлогч, захирлуудын албанд залуучуудыг томилж байлаа. Тэд маань өнөөдөр ч аль засаг байгаагаас үл хамааран маш сайн ажилласаар байна. Мөн тухайн үед гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн ажлын хэсгийг ахалж, УИХ-аар оруулж батлуулж байв. Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр гэж Монгол Улсын Европын Холбоотой хийсэн хэлэлцээрийг Гадаад харилцааны болон бусад яамдын залуустай хамтраад, өөрөө Монголын талыг нь ахалж жил хагасын дотор Европын холбоотой хийж байлаа. Энэ түүхэн хэлэлцээрийг хийсэн багаар бахархаж явдаг юм” хэмээн товч дурдсан.

Улмаар Б.Болор нь 2012 оны сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулан Засгийн газрын гишүүн тэр дундаа Сангийн сайдын бэрх албыг хариуцан ажиллажээ. Мэдээж энэ хэмжээнд дэвшин ажиллахад түүний эзэмшсэн мэргэжил, идэвх оролцоо, ажлын туршлага нөлөөлсөн нь дамжиггүй. Сангийн сайдын албыг хашиж байх үедээ төсвийн шинэчлэл, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, НӨАТ-ын тухай хууль, орон сууцны ипотекийн зээл, “Сайн малчин” хөтөлбөр, “Сайн оюутан” хөтөлбөр, “Сайн хашаа” хөтөлбөр зэрэг ажлуудыг гардан хийж, дэмжин ажиллажээ. Түүнээс өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлын талаар асуухад “Бид популизм гээчээс салах цаг болсон. Энэ нь аливаа улсын хөгжлийн замд заавал тохиолддог. Гэхдээ Монгол Улсын хувьд хангалттай. Манай намынхан хийсэн ажлаа ам булаалдан сайрхан ярьдаггүй. Яривал хийсэн зүйл бидэнд олон бий. Гэтэл одооны эрх баригчид хийхээсээ илүү ярих, тэр дундаа ард түмэн гэж хашгирах, улстөржих байдал нь давамгайлжээ. Угтаа хүн урдах ажлаа л яв цав хийх ёстой шүү дээ. Тэд өнөөдөр ард түмний халаасанд гараа дүрэхээс өөрийг хийж чадахгүй л байна” гэсэн юм.

Түүний хувьд “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэх үгийг зарчмаа болгодог аж. Залуучуудад ч хэрэг болгон захидаг байна. Өөрийн наад захын хэрэгцээгээ хангаж чадахааргүй байж ямар ч ашиг сонирхлын зөрчилгүйгээр улс төрд зүтгэнэ гэдэг өрөөсгөл гэдгийг ч тэрээр хэлэв. “Оюутны ширээнээс шууд улс төрч болж байгаа хүмүүс бол өнөөх цүнх баригчид л байх. Тэд төд удалгүй л тэрбумтан болчихсон явж байдаг. Энэ өөрөө тун буруу зарчим. Манай намд энэ нь харьцангуй өөр байдаг. Ядаж ТҮЦ ч болов ажиллуулаад үзсэн, өөрийнхөө хэрэгцээг улс төртэй, төргүй аваад явчихдаг хүмүүс АН-д олон бий. Төрийн тэргүүний жишээ ч үүнийг батлах байх. Намайг хүмүүс залуугаараа сайд, дарга хийлээ л гэдэг юм. Миний хувьд хувийн амьдралаа цэгцэлчихээд, хэнээс ч гуйхааргүй амьдрахаар болчихоод улс төрд орсон юм шүү дээ” гэж байв.

Улс төрд бужигнаж түүнээс гэнэт хөндийрөх нь ямар санагдсан талаар тодруулахад “Нэгэнт сонгуульд ялагдсан учир хөндийрч л таарна. Гэхдээ ор тас хөндийрсөн зүйл байхгүй. Ардчилсан намын бүлэгт зөвлөхөөр ажиллаж байна. Намынхаа Санхүүгийн бодлогын зөвлөл болон Улс төрийн зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Өмнөх үеэ бодоход гэр бүлдээ зарцуулах цаг зав илүү болсон нь мэдээж” хэмээн хариулсан. Биднийг яриа өрнүүлж байх зуур отгон хүү Б.Тамир нь аавдаа хэдэнтээ ирж эрхлэв. Саад болгохгүйн тулд нөгөө өрөөнд оруулъя гэсэн ч уйлсаар л аавыгаа зорих аж. Нүдэндээ нулимс бөмбөрүүлсээр аавдаа ирж, дуулгавартай гэгч нь налан суух нь өхөөрдөм. “Энэ хүнийг л их эрхлүүлж байна даа” гээд хүүгээ үнсэж байлаа.

Эднийх гурван хүү, гурван охинтой. Том хүү Б.Гарьд нь Канадад бакалаврын чиглэлээр суралцдаг бол удаахь хүү Б.Тэмүүлэн, охин Б.Намуун, Б.Мишээл, нар Орос гуравдугаар сургуульд сурдаг. Түүний дараагийн охин Б.Дөлгөөн цэцэрлэгт хүмүүждэг. Харин хамгийн отгон нь Б.Тамир хүү юм. Гэрийн эзэн “Хүүхдүүд маань гэртээ арай өөр нэртэй. Жинхэнэ нэрээ сургуульд ороод л бараг мэддэг болдог. Жишээ нь, хамгийн томоо Лхүндэв гэдэг. Дараагийнхаасаа Жанчив, Бурам, Дэчин, Дэнсээ гээд явна. Хамгий багыг Гунгаа гэдэг. Би өөрөө их хошин хүн л дээ. Энэ хэдийгээ өхөөрдөөд л ингээд нэрлэчихдэг юм. Эд маань энэ нэрэндээ дасчихсан, жинхэнэ нэрээр нь дуудвал бараг мэдэхгүй шүү” гэлээ. Мөн тэрээр“Хүүхдүүдээс минь дөрөв нь надтай адилхан. Гэхдээ над шиг бор арьстай нь отгон хүү минь л юм. Бусад нь ээжийнхээ адил цайвар царайтай. Хүүхдүүдээ өөртэйгөө адилхан гэхээр хүмүүс таниас өөр, ээжтэйгээ адил байна гэдэг юм. Харин багын зургийг минь үзээд нээрээ тийм байна шүү гэх нь олон. Мэдээж 40 настай хар хүү хоёр настай бяцхан амьтантай яаж дүйх билээ дээ” хэмээн инээд алдав. Энэ үед охин Бурам нь “Би гэрээсээ ганцаархнаа давхраагүй” хэмээн аавдаа эрхлэнгүй хэлэхэд “Орчин үед давхраагүй охид мода болно гэсэн. Гэлээ ч миний охин чинь хөөрхөн шүү дээ” гээд аргадангуй хэлж байлаа.

Хүүхдүүд нь тун дуулгавартай болох нь хугас өдрийг өнгөрүүлэхэд л бэлхнээ анзаарагдаж байлаа. Хоолны ширээнийхээ сандал дээр Намуун, Мишээл хэмээн нямбай гэгч нэрээ бичжээ. Үймэж шуугихгүйгээр өглөөний цайгаа тухлан уух нь хэдийнэ дадсан болохыг харуулна. Тэд оройны 21:00 цаг гэхэд орондоо орж, унтацгаадаг хэвшилтэй. Тиймдээ ч өглөө эртэч шувуухай мэт цовоо цолгиун байхаас яах билээ. Аав нь хүүхдүүдийнхээ эрүүл чийрэг биетэй спортлог байхыг онцгойлон үздэг бол ээж нь боловсрол, соёл талыг анхаардаг байна. “Намайг одоо харсан хүн спортлог гэж хэлэхгүй л байх. Би ч багадаа спортод хорхойтой, их ойр өссөн. Манай хүүхдүүд намайг дуурайгаад хоккей тоглох дуртай. Охин минь банди нартай нэг баг болон хоккей тоглож, шагнал ч хүртээд амжсан. Хүмүүс охин хүүхдийг яах гэсэн юм л гэдэг юм. Миний хувьд хүүхэд, өөрийн дур сонирхолтой зүйлээ хийх нь тийм ч буруу зүйл гэж боддоггүй” гэлээ.

Түүний гэргийг Б.Энхцэцэг гэдэг. Тэрээр Увс аймгийн гаралтай, хотын уугуул. Түүний аавыг Дамбын Баянсан гэдэг. Барилгын инженер мэргэжилтэй тэрээр улс орныхоо бүтээн байгуулалтад ухамсарт амьдралынхаа 30 гаруй жилийг зориулсан байна. Харин түүний ээж “Говь” үйлдвэрт оёдолчноор ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарчээ. Б.Энхцэцэг япон хэлний орчуулагч, нягтлан бодогч мэргэжилтэй. Намбалаг дөлгөөн аальтай, үзэсгэлэнт энэ бүсгүй зургаан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлээ халамжлах хариуцлагатай, хүндхэн албыг хашихын зэрэгцээ хувийн бизнес, сурч боловсрохдоо давхар анхаарч чаддаг сүйхээтэй, хөдөлмөрч нэгэн. Түүнээс энэ бүхнийг хэрхэн амжуулдаг талаар нь лавлахад “Зарим хүмүүс анхны хүүхдээ гаргаад л төвөгшөөгөөд эхэлчихдэг юм шиг санагддаг. Тэгж бодохын оронд хүүхдээ бүр багаас нь л зөв хэмнэлээр өсгөчих хэрэгтэй. Орой тогтсон цагт нь унтуулах ч гэдэг юм уу зөв хэмнэлийг дадал болгочихвол тийм ч хэцүү зүйл байхгүй. Хүүхдүүд маань хэзээ нэгэн өдөр бидний адил ээж, аав болох учир сайн л бүх болгож хүмүүжүүлэхийг хичээдэг” гэж байлаа.

Тэдний танилцсан түүхийг сонирхоход Б.Болор “Манай хүн ч юу гэж намайг тоохов. Би л эргүүлсэн байх. Байх ч гэж би л эргүүлсэн л дээ. Одоо л томроод байгаа болохоос биш” хэмээн инээх нь тэр. “Шууд яваад очихоор намайг тоохгүй байх гэж бодоод найзаар нь дамжуулан танилцсан юм. Тэр тактик ч их амжилттай болсон. Сүүлдээ би ч таалагдаж эхэлсэн юм байлгүй. Утсаар их ярьдаг боллоо. Ойр ойрхон уулзаж дөрөв, таван цагаар ярьж суудаг ч болов. Ингэж явсаар л гэр бүл болцгоосон доо” гэлээ. Тэд гурван хүүхэдтэй болно хэмээн ярьдаг байсан ч бурхан хайр хишигээ харамгүй хайрлаж зургаан үрсийн ээж, аав болжээ.

Гэрийн эзнээс өв дамжигдан ирсэн эрхэм, үнэт зүйл тань юу вэ хэмээн асуухад “Надад үнэтэй өв хөрөнгө өвлөгдөж ирээгүй. Гагцхүү номыг шимтэн уншдаг дадал аав, ээжээс минь надад өвлөгдөн ирсэн үнэт зүйл” хэмээн итгэл төгс хариулсан. Түүний аав С.Баярбаатар хүү, охин хоёроо багаас нь номын амтанд оруулж өсгөжээ. Энэ талаар Б.Болор “Манайх нэг өрөө байранд амьдардаг байлаа. Гэрийн 25-30 хувийг эзэлдэг том номын шүүгээ байдаг байсан. Нэг номоо уншаад дуусахаар аав минь дараагийн номыг сонгож өгдөг байв. Намайг найман настай байхад Жюль Вернийн найман ботийг бүгдийг нь орос хэл дээр уншуулж байлаа. Энэ бүхнээс миний ерөнхий мэдлэг тун сайжирсан гэж боддог. Өнөөдөр хэнтэй ч ямар ч сэдвээр ярилцах хэмжээнд гэж хэлж болно. Хүн бүхнийг төгс мэдэх албагүй ч аливаа зүйлийн зах зухыг ойлгодог байх нь чухал. Энэ бүхний суурийг аав минь тавьж өгсөн. Энэ нь орос сургуультай ч холбоотой. Тиймдээ ч би хүүхдүүдээ өөрийн төгссөн сургуульдаа явуулдаг юм. Орос хэлийг төгс эзэмшсэн хүн дараа, дараагийн хэлүүдийг түүртэлгүйгээр сурдаг. Зөвхөн англи хэл сурсан хүүхдэд дараагийн хэлийг сургах бараг боломжгүй” гэж байлаа.

Сайд асан Б.Болорын хувьд УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ намдаа өгөөд байгаа гэсэн. Хэрэв нам нь дэмжвэл сонгуульд өрсөлдөх бодолтой байгаа гэдгээ хэлж байв. Тэрээр “Энэ удаад нам харгалзахгүйгээр мэдлэг боловсролтой, эрүүл хүмүүсийг дэвшүүлж, тэр хүмүүсийг иргэд сонгох хэрэгтэй. Өнөөдөр үе солигдох шаардлага аль ч намд гарч ирж байгаа учир түүхэн сонгууль болох болов уу. Ардчилсан намын зүгээс хувийн хэвшлийг дэмжих, иргэдийг хэрхэн ажилтай, орлоготой болгох вэ гэдэгт л анхаарах ёстой гэж харж байна” гэж байлаа. Энэ хүрээд бидний халуун дулаан яриа өндөрлөсөн юм.

Categories
мэдээ цаг-үе

С.Баясгалан: Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байгаагаас нь В.Путинд ямар ч залгамжлагч байхгүй нь харагдчихлаа

МУИС-ийн багш, Олон улсын харилцаа судлаач С.Баясгалантай ярилцлаа.


-ОХУ-д өрнөөд буй үйл явдлын үр дүнд юу өөрчлөгдөх вэ. Бүрэн утгаараа ардчилсан улс болж чадах уу?

-Хүмүүсийн ойлгож байгаа шиг ардчиллын замаар явах шинэчлэлт биш. Нэгдүгээрт, гадаад, дотоодын орчны нөхцөлөөсөө шалтгаалаад Үндсэн хуульдаа тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн. Хоёрдугаарт, Үндсэн хуульд заасны дагуу В.Путин дахиж ерөнхийлөгчид сонгогдох боломжгүй ч В.Путин ерөнхий сайд болно. Тиймдээ ч ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх бодлого барьж байна гэдгийг зарим судлаач хэлж байгаа. Учир нь Ерөнхийлөгч асар уудам нутаг дэвсгэрийг засаглах, аюулгүй байдлыг анхаарах хэмжээний асуудлыг хариуцаж байхад, дотоод үйл явцыг ерөнхий сайд нь илүү хариуцдаг болох хандлага харагдаж байгаа юм. Гэхдээ В.Путин ерөнхий сайд болох учраас л ийн шийдэж байна гэдэгтэй би санал нэгдэхгүй байгаа. Түүний хувьд ганцхан Засгийн газрын гэлтгүй парламентын эрх мэдлийг нэмэх тийшээ хандаж байна.

-Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэвээрээ байх уу?

-Ерөнхийлөгчийн хүчтэй засаглалыг бага зэрэг сулруулна. Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд эрх мэдэл нь хэвээрээ байна. Ерөнхийлөгч зэвсэгт хүчний командлагч хэвээрээ байна гэсэн үг. Ерөнхийлөгч хууль тогтоох байгуулагын тэргүүнийг холбооны зөвлөлтэй зөвшилцөн өөрөө томилно. Шүүх, прокурорууд засаг захиргааны хэмжээнд томилогддог байсныг одоо нэгдсэн удирдлагад оруулж төвөөс томилдог болно.

Энэ тухайгаа ч өөрөө тайлбарлачихсан шүү дээ. Асар уудам нутаг дэвсгэртэй, олон үндэстэн ястнаас бүрддэг, янз бүрийн шашин, соёлтой хүмүүсийг хүчтэй ерөнхийлөгчийн засаглалаар барихгүй бол болохгүй гэдэг.

-В.Путин Үндсэн хуульд оруулахаар ямар саналуудыг дэвшүүлсэн юм бэ?

-Гадаад аюулгүй байдлын тал дээр ихээхэн нухацтай авч хэлэлцсэн. Тухайлбал, Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн сүүлийн 25-аас доошгүй жил тасралтгүй Орост амьдарсан, гадаад улсын иргэншилгүй, эсвэл гадаадад байнгын оршин сууж байгаагүй, тийм баримт бичиггүй байх ёстой. Засаг дарга, думын гишүүд, холбооны зөвлөлийн гишүүд, ерөнхий сайд, түүний орлогч нар, холбооны сайд болон шүүгчид гадны иргэншилтэй, гадаадад амьдардаг, эсвэл гадаад улсад байнгын оршин суух зөвшөөрөлтэй байж болохгүй. Орон нутгийн захиргаа, өөрөө удирдах эрхийг өргөн бэхжүүлэх, орон нутгийн болон төвийн захиргааны хоорондын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй. Мөн мужийн Засаг дарга нарын үүрэг, хариуцлагыг нэмж, бие даан шийдвэр гаргах боломжийг дээрдүүлэх, төрийн зөвлөлийн үүрэг ач холбогдлыг Үндсэн хуульд тусгах нь зүйтэй гэж үзжээ.

-Дээр парламентад эрх мэдэл өгч байгаа гэлээ. Парламентын засаглалааа бэхжүүлэхэд ямар өөрчлөлт оруулав?

– Одоогийн Үндсэн хуулиар ерөнхийлөгч Засгийн газрыг бүрдүүлэхдээ парламентын зөвшөөрлийг л авдаг. Дараа нь ерөнхийлөгч өөрөө Ерөнхий сайд болон Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилдог. Харин энэ удаад парламент Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилдог болох нь. Тодруулбал, ерөнхий сайдын зөвлөмжөөр дэд сайд болон холбооны сайд нарыг томилно, үүнийг ерөнхийлөгч батлах үүрэгтэй. Гэхдээ ерөнхийлөгч ерөнхий сайд, түүний орлогч, холбооны сайд нарыг чөлөөлөх эрхтэй байна.

-В.Путин гэнэт яагаад ингэж шийдэх болов?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгаагаас нь В.Путинд ямар ч залгамжлагч байхгүй гэдэг нь л харагдчихлаа. Тэр удаан явахгүй. Тиймдээ ч энэ асуудал тун ярвигтай болчихож байгаа юм. Учир нь В.Путины дараа гарч ирэх хүн Оросыг энэ хэвээр нь байлгаж чадах уу гэдэг асуудал гарч ирнэ. В.Путин хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч. ОХУ ч өөрөө зүгээр нэг улс биш шүү дээ. Олигархи, мафийн бүлэглэл гээд маш хүчтэй лобби бүлгүүдтэй. Түүнийг барьж байгаа хүн нь В.Путин өөрөө. Тэд ч түүнийг хүлээн зөвшөөрчихсөн. Энэ утгаараа В.Путины дараагийн хүнийг хүлээн зөвшөөрөх эсэх нь асуудалтай. Одоохондоо тодорсон нэг ч хүн алга. Тиймээс засаглалын хэмжээнд чөлөөт сонгуулиар нэг хүн гарч ирлээ гэхэд төрийг нь бужигнуулахгүй байх тэр системийг бий болгох асуудлыг одоо ярьж эхэлж байна. Сонгогдсон хүн нь ОХУ-ын үндэсний аюулгүй байдалд харшлах үйлдэл хийх хэмжээнд оччихгүй байх тогтолцоог бүрдүүлэх гээд л үзээд байна.

-Дмитрий Медведевийг ерөнхий сайдаас нь буулгаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөө дэд даргаар тавилаа. Энэ нь ямар учиртай юм бэ. Дэн Сяопин, Назарбаев шиг насан туршдаа улсынхаа эзэн нь байх бүтцийг бий болгож байгаа гэх хардлага ч байх юм?

-Ойр дотны хамгийн найдвартай хүн нь учраас л тэнд томилогдлоо. ҮАБЗ-д хамгийн итгэлтэй ойр дотны хүмүүсээ тавихгүй бол болохгүй. Түүнээс Дмитрий Медведев мундагтаа биш, тэр В.Путины хаана нь ч хүрэхгүй. Түүнийг залгамжлагч гэж үзэх үндэс ч байхгүй. Тэр хэмжээнд хүрэхээр чадалтай хүн биш. Оросууд нь ч түүнийг тоодоггүй.

В.Путин ерөнхийлөгч байх үедээ системийг шинэчилнэ. Харин В.Путиныг ерөнхий сайд болоход бүх зүйлийг зүгшрүүлчихсэн байх үүрэг саяын томилогдсон Михаил Мишустинд оногдох шатрын нүүдэл хийж байхыг үгүйсгэхгүй. Михаил Мишустин мэдээллийн технологи, эдийн засгийн чиглэлийн хүн шүү дээ.

-Үндсэн хуульд оруулах В.Путины саналууд дэмжигдэх нь дамжиггүй юу?

-100 хувь дэмжигдэнэ. Оросыг ардчилсан системтэй гэж байгаа боловч яг нарийндаа авторитар дэглэмтэй. Саяын В.Путины Засгийн газраа тараах, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэн ч мэдээгүй л байсан. Дмитрий Медведев ч өөрөө мэдээгүй. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг мэдэгдэл хийсний дараа шууд өөртэй нь уулзаж өргөдлөө өгсөн. Үндсэн хуулийн асуудалд саналаа нэг удаа хэлсэн, тэгээд л гүйцээ. Одоо баг нь Үндсэн хуулиа бэлэн болсон гэж үзсэн тэр цагт шууд л батална. Тэгж их цаг алдах, сунжрах зүйл байхгүй.

-ОХУ-д өрнөж буй энэ үйл явдал, өөрчлөлтүүд манай улсад ямар нөлөө үзүүлэх вэ?

-Ямар ч өөрчлөлт гарахгүй. Харин В.Путины хийж буй энэ алхам маш холч хараатай байна. БНХАУ ганцхан даргатай. Мэдээж хүн л юм болсон хойно эрүүл мэндийн хувьд асуудал үүснэ. Тэр тохиолдолд БНХАУ яах вэ. Үүний дараахыг бодсон зүйл байдаг болов уу. ОХУ-ыг ардчилсан гэхээ больё гэхэд харьцангуй уян хатан засаглал руу орчихоод байгаа юм. Одоогийн байгаа тогтвортой байдлаа хангах гэж энэ мэт байдлаар хичээж байна. Манайд ОХУ тогтвортой байх нь хамгийн чухал.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Даваасүрэн: “Шарын гол” ХК-иас нүүрс авах эсэх асуудлыг эргэж харна

-УРЬДЧИЛСАН СУДАЛГААГААР ЭГИЙН ГОЛ ДЭЭР УСАН ЦАХИЛГААН СТАНЦ
БАРИХАД УРСАЦЫН ХУВЬД НӨЛӨӨЛӨЛГҮЙ ГЭЖ ГАРСАН-

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Шарын голын нүүрсний уурхай “Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлж байсан эрчим хүчний нүүрсний нийлүүлэлтээ өнгөрсөн долоо хоногт зогсоосон. Энэ тохиолдолд Эрчим хүчний зохицуулах хороо хатуу үнэ тогтоох нь зөв үү?

-Өнгөрсөн долоо хоногт Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ талаар мэдээлэл авсан. Эрчим хүчний нүүрс нийлүүлж байгаа уурхайнууд дотроос Шарын голын уурхай хамгийн өндөр үнээр нүүрсээ нийлүүлж байгаа юм байна. Тухайлбал, Цахилгаан станцууд Шивээ-Овоогоос 29060 төгрөг, Багануурын уурхайгаас 33500 төгрөг, Шарын голоос 40500 төгрөгөөр эрчим хүчний нэг тонн нүүрсийг худалдан авч байна. Гэтэл үүнийгээ чамлаад өвлийн ид хүйтэнд нүүрс нийлүүлэхээ зогсооно гэж нийгмийн хариуцлагаа умартсан асуудал тавьж болохгүй. Үүний цаана Эрдэнэт, Дархан хот хөлдөх, цахилгааны үнэ нэмэгдэх асуудал яригдаж байгаа. Нөгөө талаар нүүрс тасралтгүй нийлүүлэх гэрээгээ зөрчиж байна. Нүүрсний төлбөрөө хийхгүй, өр авлага үүсгэж байгаа бол яамны зүгээс энэ тал дээр анхаарч өгнө.

Цахилгаан, дулааны үнэ бол бизнесийн үйл ажиллагаа, иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөж байдаг суурь үнэ юм. Үүнд эрчим хүчний нүүрс, төмөр замын тариф шууд нөлөөлж байдаг. Тиймээс эдгээр үнэ, тарифыг зохицуулах үүрэг бүхий Эрчим хүчний зохицуулах хороог 2001 онд байгуулсан юм. Эрчим хүчний компаниуд ашгийн төлөө бус нийгмийн нийтлэг эрх ашгийн үүднээс бизнесийн үйл ажиллагааг явуулдаг. Хамгийн бага өртгийн зарчмаар үйлдвэрлэлээ явуулдаг гэсэн үг. Энэ агуулгаар үнэ тарифыг нь зохицуулж байдаг. Хатуу барьж байдаг гэсэн үг биш.

-“Шарын гол” ХК-ийн Үйлдвэрчний хороо нүүрснийхээ үнийг нэмэх, цаашид зах зээлийн зарчмаар чөлөөлөх шаардлагыг тавьж байгаа…

-Нэг компанийн шаардлагаар эрчим хүчний нүүрсний үнийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Үүний цаана иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг суурь үнийн асуудал хөндөгдөнө. Нэг уурхайгаас болж цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлэх боломжгүй гэдгийг шуудхан хэлчихье. Цаашдаа энэ компаниас нүүрс авах эсэх асуудлаа бид эргэж харна. Одоохондоо Багануурын уурхайгаас зохицуулаад явж болно.

Мөн Сэлэнгэ аймгийн Улаан-Овоогийн нүүрсний ордоос Дархан, Эрдэнэтийн дулааны станцуудад нүүрс нийлүүлэх асуудлыг судалж байна. Үүнээс бид төрийн өмчийн нүүрсний уурхайнуудаа хувьчилж болохгүй юм байна гэдгийг ойлгож авах хэрэгтэй.

-Эрчим хүчний салбар 2019 онд ямар ажлууд хийж амжуулав?

-“Ололт, амжилттай ажил болжээ” гэдэг үнэлгээг салбарын удирдлага дүгнэх бус харин олон нийт ч юм уу, салбарын хамт олны зүгээс өгвөл илүү бодитой харагдах байх. Тэр агуулгаар хандаж, олны талархал хүлээсэн ажлаас гэвэл нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад бодитой нөлөөлсөн ажлуудыг эхэлж дурдах байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар нийслэлд түүхий нүүрс оруулахгүй байх түүхэн шийдвэрийг гаргасны дараахь нэг жилийн хугацаанд манай салбарын хамт олон жилдээ 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг барьж ашиглалтад орууллаа. Нийслэлийн 42 мянга гаруй айл өрхийн цахилгааны хэрэглээг дөрвөн квт хүртэл нэмэгдүүлэн цахилгаан халаагуур ашиглах боломжийг бий болгож өгсөн нь нийслэлийн агаарын бохирдлыг эрс бууруулан Улаанбаатарын оршин суугчдыг аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болголоо. Үүний зэрэгцээ шөнийн цахилгааны хэрэглээнд тарифын хөнгөлөлт давхар үзүүлж байна. Энэ бүгдээс нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажилд манай салбарын хамт олны үүрэг, оролцоо маш чухал байсан гэж хэлж болно. Эрчим хүчний хэрэглээ жил бүр дунджаар 70-80 мвт-аар өсч байна. Энэ хэрэглээг хаах хүрээнд Дулааны IV цахилгаан станцын хоёр турбингенераторыг шинэчлэн 50 мвт-ын, Дарханы дулааны цахилгаан станцыг өргөтгөн 35 мвт-ын, Сэргээгдэх эрчим хүчний хүрээнд 90 мВт-ын шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулсан. Монгол Улсад анхны болох 330 квт-ын Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж ашиглалтад оруулсан. Ингэснээр Оюу толгой, Цагаан суварга, Таван толгой болон Өмнийн бүсийн бусад уул уурхайн орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломжийг бүрдүүлээд байна. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан эрчим хүчний үнийн өсөлтөд шууд нөлөөлөн иргэдийг бухимдуулж буй дэмжих тарифыг өсгөхгүй, цаашид тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж өглөө.

-Тэгвэл энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд юу байна вэ. Энэ салбарын анхаарах, нэн тэргүүнд шийдэх асуудал нь юу байна гэж харж байгаа бол?

-Өнгөрсөн 2019 оны хувьд Эрчим хүчний салбарыг 2018-2023 онуудад хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн жил байлаа. Хөтөлбөрийн хүрээнд, найдвартай, тогтвортой, бие даасан ухаалаг эрчим хүчний системийг бий болгох суурь ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Энэ бол нэн тэргүүнд манай эрчим хүчний системд шийдэх ёстой асуудал байгаа юм. Хөтөлбөрийн гол ажлууд хэрэгжиж эхэлсэн гэж хэлж болно. Тухайлбал, Эрдэнэ-бүрэнгийн 90 мвт-ын Усан цахилгаан станц, нийслэлд 100 мвт-ын батарей хуримтлуурын станц барьж байгуулах ажлуудын хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэгдсэн. Энэ онд ажлыг нь эхлүүлнэ. Мөн эрчим хүчний системийг ухаалаг болгох, системийн тогтворжилтыг хянах, хангахад чиглэсэн WAMS системийг нэвтрүүлээд байна. Системийн гол зангилаа 120 орчим цэгийг өнгөрсөн хугацаанд эхогоор хянадаг байсан бол одоо томографаар хянадаг болсон хэрэг. Энэ системээ цаашид улам хөгжүүлж эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангана.

2020 онд Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, Дорнодын дулааны цахилгаан станц гээд хэд хэдэн нэмэлт эх үүсвэрүүдийн өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэнэ. Цаашид системийн горим зохицуулалтад ашиглах хурдан маневр хийх боломжтой шинэ эх үүсвэрүүдийг, тухайлбал, Усан цахилгаан станц, усан цэнэгт станц, хийн турбингенератор бүхий станц, өндөр хүчин чадлын батарей хуримтлуурын станцуудыг бий болгоход түлхүү анхаарна. Ингэснээр манай эрчим хүчний хараат бус бие даасан, удаан хугацааны аваарын саатал гарахгүй найдвартай систем бүрэлдэн бий болно.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил энэ жил эхэлж, ажил хэрэг болох нь ээ. Эрчим хүчний салбарт дэвшил авчрах энэ мэт төслүүдээ хурдан шуурхай явуулахад Засгийн газар хэрхэн анхаарч байна вэ?

-Засгийн газрын хийж эхлүүлсэн гурван гол ажлын нэг нь эрчим хүчээ дотоосоо бүрэн хангадаг болох асуудал. Энэ хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж, санхүүжилтийг нь хүртэл шийдвэрлээд байгаа ажил бол Эрдэнэбүрэнгийн 90 мвт-ын Усан цахилгаан станцын бүтээн байгуулалт юм. Одоо уг станцын ТЭЗҮ-г хийж дуусч байна. Түүнийг манай ШУТЗөвлөлийн хурлаар баталгаажуулсны дараа тендер зарлагдаж, гүйцэтгэгчийг сонгоно. Станцын бүтээн байгуулалтын ажилд таван жил зарцуулагдах байх. Ажил төлөвлөсөн графикийн дагуу явж байгаа. Уг станц ашиглалтад орсноор Баруун бүс дотоодоосоо эрчим хүчээр хангагдах нөхцөл бүрдэх төдийгүй нэгдсэн системийн найдвартай ажиллагаанд ч чухал үүрэг гүйцэтгэнэ.

-Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барихаар болжээ. Хаанахын ямар стандартаар энэ үйлдвэр босох вэ?

-Саяхан Засгийн газраас нийслэлийн дагавар сууршлын бүсүүдийн утаа, агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх зорилгоор хотын зүүн бүсэд жилдээ 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр барих шийдвэрийг гаргасан.

Шинэ үйлдвэртээ илүү өндөр технологийн “Евро стандарт”-ын түлш үйлдвэрлэх зорилгыг тавьж байгаа. Эхний хагас жилд багтаан барилгын ажлыг дуусгаж, ирэх есдүгээр сар гэхэд туршилт тохируулгыг хийж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ирэх жил илүү өндөр технологиор хийгдсэн шахмал түлшийг үйлдвэрлэж хэрэглээнд нийлүүлэх замаар нийслэлийн агаарын бохирдлыг 70 хувь бууруулах зорилт тавьж байна.

-Нийслэлийн иргэдийн хэрэгцээг бүрэн хангаж чадах уу?

-“таван толгой түлш” ХХК нь жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж нийслэлийн өвөлжилтийн хэрэглээг ханган ажиллаж байна. Хоногт 3000 гаруй тонн сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэж, дундын агуулах болон түгээлтийн цэгүүдэд хүргүүлж байгаа. Зарим томоохон байшинтай дулааны хэрэглээ өндөр айлуудыг эс тооцвол нийслэлийн айл өрхүүдээ гал алдуулчихгүй л өвөлжүүлж байна. Тиймээс одоо байгаа хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэхэд нийслэл төдийгүй хотын зэргэлдээх гэр хорооллын суурьшлын бүсүүдийг шахмал түлшээр хангах боломж бүрдэнэ.

-Эгийн голын усан цахилгаан станц Байгаль нуурт төдийлөн нөлөөлөхгүй гэдэг. Энэ ажлыг урагшлуулах боломж бидэнд бий юү?

-Энэ бол манай эрчим хүчний салбарын хувьд маш чухал асуудал. өнөөдөр манай улс оройн 6-9 цагийн хооронд бүх айлууд гэрлээ асааж, плитка залгаж хоол ундаа хийхэд гэнэт үүсэж буй 150-200 мвт-ын цахилгааны хэрэглээг дотоосоо хаах боломжгүй тул ОХУ-аас импортолж зохицуулдаг. Орой бүр шүү. Манай нүүрсний станцууд ийм хүчин чадлыг шууд нэмэгдүүлж чаддаггүй. Ийм чадлыг дөрвөн цагийн дараа л гаргаж чадна. Харигн Усан цахилгаан станц, хийн турбингенеторууд кноп дараад л машин асаж байгаа мэт хурдан хугацаанд нийлүүлдэг. Ийм боломжийг манайд Эгийн голын усан цахилгаан станц л бий болгоно. Олон улсын хамтарсан багийн урьдчилсан судалгаагаар Эгийн гол дээр усан цахилгаан станц барихад урсацын хувьд нөлөөлөлгүй гэж гарсан. Одоо биологийн нөлөөллийн судалгааг хийх ёстой. Энэ зорилгоор олон улсын тендер зарлагдаж Францын компани шалгараад байна. Судалгаа хийхэд гурван жил шаардагдана. Харин хөрөнгийн асуудал шийдэгдэхгүй удааширч байгаагаас ажил нь хараахан эхлээгүй байна. Манай холбогдох байгууллагууд удахгүй шийдвэрлэх байх гэж найдаж байна. Энэ бол манай улсын хувьд чухал ажил юм.

-Цахилгааны үнэ цаашид нэмэгдэх үү?

-Энэ асуултыг надад бус Эрчим хүчний зохицуулах хороонд тавьбал илүү бодитой хариу өгөх байх. Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулж 2001 оноос хойш эрчим хүчний үнэ, тарифын асуудлыг Засгаас холдуулсан. Тодруулбал, үнэ, тарифын асуудлыг төр болон иргэдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, худалдаа аж үйлдвэрийн танхим гэсэн гурван талын төлөөллийг багтаасан Эрчим хүчний зохицуулах хороо гэдэг хараат бус байгууллагаар тогтоож байхаар хуульчилсан юм. Одоо энэ зарчмаар л явж байгаа. Миний хувьд хэдэн хувь хөдөлгөсөн юм бэ гэж асуухаас цаашгүй. Тэдний гаргасан шийдвэрийг Засгийн газар авч хэлэлцэх ч эрх байхгүй. Надад ирсэн мэдээллээр өнгөрсөн онд зөвхөн алдагдлаа бууруулах хэмжээнд маш бага нэмсэн юм билээ. Харин одоо мөрдөж буй Эрчим хүчний тухай хуулиараа, сэргээгдэх эрчим хүчний буюу нар салхины эх үүсвэр шинээр ашиглалтад орвол, дэмжих тариф шууд нэмэгддэг. Өнгөрсөн жил нар, салхины 90 гаруй мВт-ын хүчин чадал бүхий дөрвөн станц ашиглалтад орсон нь үнэ өсөхөд нөлөөлсөн байсан. Энэ дэмжих тарифыг одоо үйлчилж байгаа хуулиар иргэн аж ахуйн нэгж төлдөг. Одоо 120 орчим тэрбум төгрөг болж өсөх төлөвтэй байна. Нарны станцуудыг хязгаарлах, үнэ өртгийг нь бууруулах зайлшгүй шаардлага байгаа нь үүнтэй бас холбоотой. Энэ хүрээнд өнгөрсөн хаврын чуулганаар Сэргээгдэх эрчим хүчний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж цаашид өрсөлдөөний зарчмаар хамгийн бага үнийн санал өгсөн нь нар, салхины шинэ станц барьж байх зохицуулалтыг хийж өгсөн. ингэснээр цаашдаа цахилгааны үнийн өсөлтөд гол нөлөөлж буй дэмжих тариф өсөхгүй, тогтвортой байх хууль эрх зүйн орчин бий болсон.

Өнгөрсөн 2019 оны хувьд системийн хэмжээнд 14 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байна. Ер нь борлуулалтын зөрүүнээс алдагдал үүсч, өр төлбөр нэмэгдэх хандлагатай болсон нь үнэн. 2015 оноос хойш үнэ тарифт дорвитой өөрчлөлт ороогүй байсан. Энэ хугацаанд валютын ханш 70 хувиар унасан. Энэ нь бас өртөг зардал нэмэгдэх нэг хүчин зүйл болж байна. харин салбарын зүгээс аль болох зардлаа бууруулж үнийг тогтвортой байлгах бодлого барьж байна. Айл өрхүүд дунджаар 50-60 мянган таграг төлдөг гэж бодоход энэ нь тухайн айлын нэг хүний л гар утасны төлбөр шүү дээ. Гар утасны төлбөр нэмэгдэхээр таг дуугүй байдаг атлаа бүх зүйлийг ажиллуулж байгаа цахилгааны үнэ жаахан нэмэгдэхээр бухимдаад унадаг. Энэ нэг талаар суурь үнэ бусад зүйлд нөлөөлдөгтэй холбоотой байх. Гэхдээ чухал салбараа унагачихбал бүр ч илүү хохирол амсана гэдгийг бас ухамсарлах ёстой болов уу. Өнгөрсөн жил аваар гарч хэдэн цагаар цахилгаан саатахад замын хөдөлгөөнөө ч зохицуулж чадахгүй болж байсан шүү дээ. Цахилгаангүйгээр гар утсаа ч цэнэглэж чадахгүй. Ийм л ач холбогдолтой салбар.

-Сонгуулийн тухай хуулийг УИХ баталж, томсгосон тойргоор явуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор тойргуудыг шинээр хуваарилах нь мэдээж. Таны хувьд энэ өөрчлөлтөд ямар байр суурьтай байгаа вэ?

-Би энэ сонгуулийн тогтолцоог дэмжиж байгаа. Нэгдүгээрт, нам дугуйлахгүй, нөгөө талаар иргэд мэддэг, өмнө нь ашиглагдаж байсан гэдэг агуулгаар дэмжсэн. Өмнөх сонгуулиудад дандаа иргэдийн хувьд мэдэхгүй шинэ хэлбэрийн тогтолцоог ашигладаг байсан. Түүнийг ойлгож ядаж байтал сонгуулийн дүн гарчихна. Дараа нь буруу сонголт хийлээ гэж дөрвөн жил зурагттайгаа хэрэлдэнэ. Ийм л байдлаар явж ирсэнтэй харьцуулахад нэг удаа саналаа өгөөд үзсэн мэдэх тогтолцоо юм даа. Улс орныхоо дөрвөн жилийн хувь заяаг шийддэг сонгуульд иргэдийн зөв сонголт маш чухал. Олон нийт сонгууль өгч сурч, туршлагажиж, ухаарч байна. Нэг удаагийн хоолны мөнгөөр худалдаж болохгүй, Үндсэн хуулиар олгогдсон дөрвөн жилд нэг л удаа олддог эрх мэдэл юм даа.

-Та Тэтгэврийн зээл тэглэхийг дэмжиж байв уу?

-Засгийн газраас нэгэнт гарсан шийдвэрийг сайд дагах хуультай юм билээ. Тийм учраас энэ талаар би тодорхой хариулт өгч чадахгүй нь. Харин Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх үед байр сууриа илэрхийлж, гарах үр дагаврын талаар саналаа хэлсэн байгаа.

-Ер нь байгалийн баялгийг ард нийт, улс орондоо хүртээмжтэй байдлаар хүргэхийн тулд яах ёстой гэж та хардаг вэ?

-Маш чухал асуулт байна. Үндсэн хуулиар газрын хэвлийн баялаг ард түмний мэдлийнх гэж заасан ч өнгөрсөн хугацаанд хэдхэн гэр бүл л ашгийг нь хүртээд өнгөрсөн. Саяын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр миний оруулсан “Стратегийн ордын 50-иас дээш хувийг ард түмэнд эзэмшүүлэх тухай” санал “дийлэнх ашгийг ард түмэн хүртэх заалт” болж өөрчлөгдөж орсон. Өмнөх гашуун түүхээс харахад бас л хэрэгжих магадлал муутай. Харин улс орныг удирдаж буй хүмүүс хуулийн заалтыг хэрэгжүүлье гээд сэтгэл гаргавал хэрэгжиж болно гэдгийг Ерөнхий сайдын зүгээс уул уурхайн ашиглалттай холбоотой авсан хэд хэдэн арга хэмжээ харууллаа гэж бодож байна. Тосон бумын нуруу, ноён уулаа хамгаалж үлдлээ, салхитын орд болон байгаль орчинд хор хохирол учруулж, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан алтны ордуудын лицензийг цуцалж хурааж авлаа. Энэ Засгийн газрын үед хөвсгөл аймагт, ялангуяа нуурын сав газар ямар нэг уул уурхай эрхлүүлэхгүй гэдгийг зарлалаа. Өмнө аль ч Засгийн газрын үед ийм арга хэмжээ авч байсангүй. Эдгээр арга хэмжээ хариуцлагагүй, эмх замбараагүй уул уурхайг зохицуулах боломжтой гэдгийг харуулсан гэж бодож байна.

Олон нийтэд хүртээмжтэй байх асуудлын хувьд бол Стратегийн ордын 50-иас дээш хувь төрийн мэдэлд байж л хэрэгжинэ. Ийм замаар явж буй Чили, Норвеги, Ботсвани зэрэг улс орнууд байгалийн баялгаа ард түмэндээ хүртээж улс орноо хөгжүүлж, ард иргэддээ хүртээмжтэй ашиглаж байна. Манай орны хувьд үүний нэг жишээ бол Эрдэнэт юм. Оюу толгойгоос дөрөв дахин бага хүчин чадалтай атлаа хоёр дахин их татвар төлж төсвийн орлогын гол ачааг үүрч, зуу гаруй мянган хүнтэй хотыг чирж явна. Хамгийн чухал нь Монголдоо үлдэж байна. Гэтэл Оюутолгойн баялгийн орлогын 10 хүрэхгүй хувь л манайд үлддэг. Томоохон орд эзэмшиж байгаа манайхан болохоор оффшорт аваачаад мөнгөө хийчихэж байна. Манайх шиг зах зээлийн багтаамж бага, бизнесийн орчин муутай улс орны хувьд гол нийгмийн баялгаа төрд байлгаж, зөв менежемэнтээр удирдаж авч явах нь илүү үр дүнтэй. Ер нь гадныхан баялгийг нь төрөөс салгаж авахад хүнд хэцүү байдаг учраас хувьчлуулж хувь хүнээс салгаж авахыг зорьдог. Ялангуяа гадны хөрөнгө оруулалт гэж тархи угааж байгаад өөрсдийн мэдэлд авахыг илүүд чухалчилдаг. Энэ жишээ бол оюу толгойн хөрөнгө оруулалт юм. Тийм учраас манайх шиг бага буурай оронд хувьчлал гэдэг сайхан зүйл биш. Улс орноо зөв авч явах чадварлаг, хариуцлагатай, нийгмийн чиг баримжаатай олон нитийн эрх ашгийг эрхэмлэдэг төртэй байх л хамгийн чухал асуудал юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ё.Баатарбилэг: Нийгмийн зүрх, тархи болсон боловсролын салбарыг улстөржилтөөс ангид байлгамаар байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.


-Улсын Дуурийн болон Драмын театруудыг шинээр барих ажлыг хойшлуулж, засвар хийхээр болжээ. Ийн шийдсэн нь юутай холбоотой вэ?

-Дуурь, Драмын театруудыг буулгаж, шинээр барих асуудлыг зогсоосон. Олон нийтийн сүлжээгээр мушгин гуйвуулж, суулт, жагсаал цуглаан ч боллоо. Яахав олон нийтийн зүгээс гардаг шүүмжлэлтэй байдлыг ойлгож байна. Дээрээс нь нэр хүндтэй, алдар гавьяатай хүмүүсээс маш их эсэргүүцэл гарч эхэлсэн. Тиймдээ ч энэ асуудлыг эхлээд салбар дотроо сайн ярих ёстой гэж үзсэн. Салбарынхан нь зөвшөөрч байж энэ ажлыг цааш үргэлжлүүлэх боломжтой гэж харсан. Энэ байр суурь ч өнөөдрийг хүртэл хэвээрээ байгаа. Энэ удаагийн улсын төсөвт Дуурийн болон Драмын театр, Төв номын санд тус бүр хоёр тэрбум төгрөг суусан. Хуучин 10 гаруй тэрбум төгрөг суучихсан байсан ч болиулсан. Төсөвт суусан хоёр тэрбум төгрөгөөр тухайн барилгыг засварлаж, тоног төхөөрөмжүүдийг шинэчилнэ.

Гэрэлтүүлэг, хөгжим апартур, үзэгчдийн сандал зэргийг бүгдийг нь шинэчлэх шаардлагатай гэсэн хүсэлтүүд ч ирээд байна. Тиймээс дахин барилгуудыг нураах нь гэсэн улстөржсөн мэдээллүүд явуулах нь зохисгүй.

-Дуурь болон Драмын театрын барилгууд маш муудсан. Уран бүтээлчид тун хүнд нөхцөлд бэлтгэл сургуулилтаа хийдэг болоод удаж байгаа. Засвар хийж торгоох бус шинээр барина гэснээрээ шийдчих байсан юм биш үү?

-Мэдээж уран бүтээлчдэд хүндрэлтэй. Гэлээ ч эхний ээлжинд баригдах гэж буй Чингис Хааны музей, Байгалийн түүхийн музейн ажлуудыг явуулаадахъя. Тэр болтол засвар үйлчилгээ хийхээс өөр аргагүй болчихоод байна. Төсөв санхүүгийн болоод нийгмийн сэтгэл зүйн хувьд цаг нь ирэх байх. Угтаа энэ хоёр барилгыг яг одоогийнх нь байран дээр энэ хэлбэр дүрс, зураг төслөөр нь шинэчлэх байв. Харамсалтай нь нэр бүхий улстөрчид болоод цахим сүлжээн дэх хүмүүсийн хатгалага нөхцөл байдлыг түвэгтэй болгосон л доо.

-Байгалийн түүхийн музейг нураалаа гэж маш их шүүмжилсэн. Нүүрэн хэсгийг нь үлдээгээд нураах боломж огт байсангүй юу?

-Тийм боломж байхгүй. Энэ нь өөрөө 1956 оны барилга. Газар хөдлөлтийг тэсвэрлэх стандарт мөрдөгддөггүй байсан үе л дээ. Сургуулийн зориулалтаар баригдсан барилгын нүүрийг авч үлдэнэ гэдэг боломжгүй асуудал. Авч үлдлээ ч барилгынх нь эдэлгээ нь шаардлага хангахгүй. Хэрхэн яаж нурж унаж байгааг та бүхэн харсан байх. Тэгээд ч зураг төсөл нь шинээр байх юм. Жинхэнэ музейн зориулалтаар барина.

-Уг музейн газар маргаантай байсан. Энэ асуудал шийдэгдсэн үү. Эргээд яг энэ суурин дээрээ баригдах уу?

-Ямар ч газрын маргаан байхгүй. Угаасаа л Байгалийн түүхийн музейн газар. Яг энэ суурин дээрээ баригдана.

-Барилгын ажил нь хэдийнээс эхлэх вэ?

-Төсвийн хууль батлагдсан учраас Засгийн газраас яам руу эрхийг нь шилжүүлнэ. Энэ тохиолдолд хуулийнхаа дагуу худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулна. Бид энэ ажлуудыг аль болох эрт зохион байгуулж, цаг алдалгүй ажлыг нь эхлүүлэхээр төлөвлөж байна. Соёлын салбарт энэ мэт томоохон ажлууд хийгдэх болно. АНУ-ын Элчин сайдын яамны урд талд шинэ номын сан баригдаж байгаа. Үлдэгдэл санхүүжилтүүд нь суучихсан, хавар эрт ажил нь эхэлж, энэ онд багтаан ашиглалтад оруулна.

Урлангийнхны уран бүтээл туурвих ажлууд санхүүжилттэй холбоотой байдаг. Тэр утгаараа соёл урлаг тэр дундаа кино урлагтай холбоотой том шийдвэрүүд гарч, “Кино урлагийг дэмжих сан” байгуулагдсан. Энэ сангийн журмыг тун удахгүй Засгийн газрын хурлаар оруулна. Уг санд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 14 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Хүү нь ямар хэмжээтэй байх эсэхийг журмаараа шийднэ.

Мөн өнгөрсөн онд соёл урлагийнхан маань олсон орлогоо өөрсдөдөө зарцуулдаг боллоо. Салбарын ажилтан, албан хаагчдын цалингийн сүлжээ шинэчлэгдэн баталж, тун боломжийн болсон. Энэ мэтчилэн соёлын салбарт багагүй өөрчлөлтүүд хийгдлээ. Засгийн газраас 2019 онд ард нийтийг соён гэгээрүүлэх, соёл урлагийг дэмжих ажлыг эрчимтэй хийсэн, ирэх онд ч үргэлжилнэ.

-Соёлын салбарт сайн менежмэнт хамгийн чухал. Сайн менежмэнттэй байсны дүнд “HU” хамтлаг дэлхийн хэмжээнд гарч, Монголын урлагийг таниулж явна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-“HU” хамтлагийг эхний хоёр жилд нь манай Соёл урлагийг дэмжих сангаас дэмжсэн байдаг. Маш олон хүний хүч хөдөлмөр, уран бүтээлчдийн авьяас чадвар зэрэг зүйлс нөхцөлдөж “HU” хамтлаг дэлхийн хамтлаг болчихлоо. Энэ хамтлаг манай үндэсний онцлогтой соёл, урлаг дэлхийн хэмжээнд гарах боломжтой гэдгийг харуулчихлаа. Зам мөрийг нь ч гаргаж өглөө. Цаашдаа ч олон уран бүтээлч, соёлын бүтээгдэхүүнүүд дэлхий рүү гарах боломжтой гэж үзэж байна. Сая ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд манай хөхүүрийн айраг бүртгэгдлээ. Энэ нь манай 15 дахь соёлын өв юм. Цаашдаа бид Монголын ямар өвүүдийг бүртгүүлж болох вэ гэдгийг судалж, дараагийн ажил руугаа орчихсон явж байна. Монголын соёл хаана ч байхгүй, давтагдашгүй, дэлхийд хосгүй. Бидэнд маш их боломж, нөөц бий. Хамгийн гол нь төрөөс боломжоороо төсөв санхүүгийн дэмжлэг үзүүлж, зөв менежмэнттэй байх хэрэгтэй. Ингэж чадвал бүх салбарт боломж байна гэж харж байна.

-“English school of Mon­golia” сургуулийн сурагчдад гадаад багш нь +18 заалттай кино үзүүлсэн гэдэг нь үнэн үү?

-Одоогоор яаманд албан ёсоор хууль хяналтын байгууллагад очсон гомдол ирээгүй байна. “English school of Mongolia” сургуультай холбоотой мэдээлэл цахим ертөнцөөр явна лээ. Тэрний дагуу манай яамнаас гарсан ажлын хэсэг сургууль дээр нь ажилласан. Хичээл нь үргэлжилж, хүүхдүүдийг амраагаагүй байна гэх зүйл яригдсан нь худлаа болж таарсан. Сургууль нь амарч байгаа юм билээ. Тус сургууль жил бүр хоёрдугаар улирлынхаа амралтаар аав, ээжийнх нь зөвшөөрөлтэй хүүхдүүдийг вакумжуулж хэлийг нь гүнзгийрүүлэн сургадаг юм байна. Эцэг, эхийнх нь зөвшөөрөлтэйгөөр сургаж, хяналтаа ч тэд тавьдаг. Хүүхдүүд нь тэрэндээ сурч байна. Сургуулийн удирдлагууд цахим ертөнцөд гарсан мэдээлэлтэй холбогдуулж ор үндэслэлгүй мэдээлэл тарааж, сургуулийн нэр хүндэд халдсан гэх асуудлаар хууль хяналтын байгууллагад хандчихсан байгаа юм билээ. Ер нь цахим ертөнц, хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай боловсролын байгууллага, хичээл сургуультай холбоотой асуудлаар аль болох бодитой мэдээллийг олон нийтэд хүргэж байгаасай гэж хүсч байна. Там тум сонссон зүйлээ жиргэчихдэг, түүнийг нь авч шуугьж боловсролын байгууллагыг тэр чигт нь харлуулдаг байдалтай би эвлэрэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Боловсролын салбарын үйл ажиллагаа хууль номынхоо дагуу үргэлжилж байгаа. Энэ салбарт 90 гаруй мянган хүн ажиллаж байна. Нэг сая гаруй хүүхэд, залуус сурч, боловсорч байна. Ханиад томуу гарсан ч хичээлийн жилийн хөтөлбөр, хуваарь номынх нь дагуу явуулахын төлөө энэ олон мянган багш нар хичээн ажиллаж байна. Нэг хоёр багштай холбоотой буруу, зөрүү мэдээллээс болж бүхэл бүтэн салбар руу нь дайрч, түүнийг улстөржүүлэх юм.

Ингэж нийтээр нь дайрч харлуулах явдал байж болохгүй. Үүнээс цааш бодитой мэдээлэл цацаж байгаасай гэж хүсэх байна. Боловсролын салбар бол энэ нийгмийн зүрх, тархи нь. Тиймдээ ч энэ салбарыг улстөржилтөөс ангид байлгамаар байна.

-Сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ямар өөрчлөлтүүд гарч байна вэ?

-Монгол Улсын Ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрт сайжруулалт хийсэн. Сургалтын хөтөлбөрт сайжруулалт хийснээр гарч байгаа өөрчлөлтүүдийн талаар Боловсролын хүрээлэнгээс холбогдох эрдэмтдийн баг гарч мониторинг хийлээ. Тун боломжийн дүнгүүд гарсан. Бага ангийн сурагчдын ачаалал багассан, дунд, ахлах ангийн сурагчдын ачаалал 10 орчим хувиар хөнгөрсөн. Агуулгын давхцал арилснаар ачаалал багассан гэсэн үг. Мэдээж хичээлийн явцын дунд хийсэн судалгаа учир дүгнэхэд эрт байна. Цаашдаа ч гэсэн сайжруулалт хийгээд явах болно.

-Энэ жил олимпийн наадамтай. Төрөөс тамирчдаа хэрхэн дэмжиж байна вэ?

-Олимпийн наадмын бэлтгэл ажлын 2019 оноос хангаад эхэлсэн. “Токио олимп” сангаа байгуулчихсан, “Эрдэнэт үйлдвэр” ерөнхий спонсороор ажиллахаар болж байна. Өмнө нь тамирчид олимпийн оноо цуглуулах тэмцээнүүдэд оролцъё гэхээр санхүүгийн боломж хомс, өөрсдөө спонсор хайж явдаг байсан. Энэ удаад ийм асуудал огт байхгүй.

Улсын төсөвт суусан шигшээ багуудын төсөв есдүгээр сар гэхэд дуусчихсан. Түүнээс хойш он дуусах хүртэлх тэмцээн, уралдааны зардлыг “Токио олимп” сан хариуцлаа. 2020 онд ч бид боломжийн хэмжээний хөрөнгийг төсөвт суулгасан. Одоо тамирчдын олимпийн эрх авах тэмцээнүүд үргэлжилнэ. Чамгүй хэдэн эрх авсан ч цаашид нэмэх боломжтой гэж үзэж байгаа. Хамгийн гол нь улсын шигшээ багууд чиглэл чиглэлээрээ удирдлага менежмэнтээ сайжруулах нь чухал. Өмнөх жилүүдийг харахад санхүүгийн хувьд маш замбараагүй, тэмцээн уралдаанд оролцож буй тамирчдаа нөхцөл бололцоогоор бүрэн хангадаггүй байсан гэх зэрэг шүүмжлэлтэй зүйлүүд байсан. Иймд спортын холбоодод анхааруулга өгсөн. Мөнгө төгрөг нь хангалттай байна, маш сайн зохион байгуулалттай тэмцээн уралдаандаа ор, дасгалжуулагч, тамирчдаа сайн дэмж, олимпийн эрхүүдээ сайн ав гэх анхааруулга, мэдэгдлийг хүргүүлсэн. Одоо тамирчид, дасгалжуулагчид, спортын холбоодоос бүх зүйл шалтгаална.


Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Хүн ам ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийг хоёр хувааж магадгүй

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.


-Тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх хуулийг УИХ баталлаа. Үүний оронд иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой хэмжээгээр нэмчихэж болоогүй юм уу?

-Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь нэг удаагийн л арга хэмжээ юм. Бид 900 тэрбумаар иргэдийн тэтгэврийг нэмлээ гэхэд жил бүрийн төсөвт ийм хэмжээний мөнгө шаардлагатай болно. Тэр эх үүсвэрийг хаанаас олох вэ гэдэг асуудал үүснэ шүү дээ. Энэ удаагийн арга хэмжээ нь нэг ордоос орж ирж буй үр ашиг, өгөөжийг ард иргэд, ялангуяа 30, 40 жил Монгол Улсын сайн сайхны төлөө хүч хөдөлмөр, оюун ухаанаа зарцуулчихсан ахмадууддаа зориулж буй үйл хэрэг. Тиймдээ ч энэ ахмадуудтай хөдөлмөрлөх боломжтой, ажлын чадвартай залуучууд, дунд үеийнхэн барьцахгүй байх гэж бодож байгаа.

-Салхитын ордыг эргэлтэд оруулахад хүндрэл үүсэх эрсдэл бий юү?

-засгийн газрын шударга ёсны тэмцлийг өрнүүлэх, уул уурхайн салбар дахь хариуцлагагүй, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох хүрээнд энэ орд газар төрийн мэдэлд ирсэн. энэ орд газрын шинэчилсэн Тэзү, хайгуул хийсэн түвшинг аваад үзвэл 1.1 тонн алт, 800 тонн мөнгөний нөөцтэй. ордыг таван жилийн хугацаанд бүрэн ашиглахад 2.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлого үүсэх боломжтой. Түүнээс 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашиг гарах тооцоолол байгаа юм. Мөн энэ орд газарт 500-гаад мянган тонн хүдэр бий. Уулын ажил хийгдчихсэн. Цаашдаа бид энэ орд газрыг бүрэн хүчин чадлаараа ашиглах юм бол “эрдэнэс Монгол” ххК дээр тодорхой хэмжээний техникийн шинэчлэл хийх шаардлага зайлшгүй гарна. Бонд босгох хүрээнд түүний хөрөнгө мөнгийг хамтад нь тооцоод яваач ээ гэх хүсэлтийг тус компаниас тавьсан.Тооцооллын хүрээнд ч энэ яригдаж байгаа. Цаашдаа бид энэ орд газрын хайгуулын ажлыг эрчимтэй хийснээр энэ уурхай илүү үр өгөөжөө өгч, насжилт нь уртсах боломж бий гэж харж байна.

-Тэтгэврийн зээлээ тэглүүлээгүй иргэдэд нэг сая төгрөгийн үнэт цаасыг ирэх оны хавар өгнө. Яагаад заавал ирэх жил өгнө гэж?

-эдийн засагт нөлөөлөхгүй байх талаас нь авч үзэж ирэх оны эхний хагаст үнэт цаасыг мөнгөжүүлэхээр болсон. Аажмаар мөнгөжүүлэхгүй бол эдийн засагт бэлэн мөнгө их хэмжээгээр шууд гарч таарна. энэ нь эргээд эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. 194 мянган ахмадад нэг сая төгрөг өгнө. Мөн сая төгрөг хүртэлх зээлтэй ахмадын зөрүү нь 22.6 тэрбум төгрөг. эдгээрийг нэмээд үзэхээр ойролцоогоор 220-иод тэрбум төгрөгийн асуудал үүсч байгаа.

Ягаан, улаан тасалбар, 1072 хувьцаа зэрэг нь тухайн компанийн хувьцааны асуудал. Энэ нь түүнээс өөр. Хувьцаа нь тухайн компани ашигтай ажиллахаас, ТУз нь хуралдаж ашиг орлого хуваарилахаас хамаарч иргэдэд мөнгө ирэх, ирэхгүй тухай яригддаг. харин ахмадуудад өгч байгаа энэ зүйл бол үнэт цаас. Тиймдээ ч тухайн банкнаас шийдвэр гармагц шууд бэлэн мөнгө болох боломжтой.

-Хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойрог, мандат хуваарилах ёстой. Нам дотор энэ асуудал хэр их яригдаж байна вэ?

-Сонгуулийн тухай хууль батлагдсантай холбогдуулаад 2020 онд явагдах Уих-ыг товлон зарлах тогтоолын төсөл орж ирэх ёстой. энэ нь хоёрдугаар сарын 1-нээс өмнө орж ирнэ. үүнтэй зэрэгцээд 2020 оны Уих-ын сонгуулийг олон мандаттай, томсгосон тойргоор явуулах тогтолцооны хүрээнд мандат, тойргийн хуваарилалтыг оруулсан тогтоолын төсөл хамт орж ирнэ. энэ бүхэн намрын чуулгандаа багтаж эцэслэгдэн батлагдана.

-26 тойрогтой байхаар тогтсон уу?

-Тойрог хэдээр батлагдах, мандат яаж хуваарилагдах вэ гэдэг дээр гурван зарчим барьдаг. 1992 оны үндсэн хууль батлагдсанаас хойш энэ гурван зарчмыг барьж ирсэн. харамсалтай нь 2016 онд үүнийг гуйвуулж, тухайн үед эрх барьж байсан АН өөрсдийн эрх ашигт нийцүүлэн энэ зарчмыг алдагдуулсан тохиолдол бий. Бусад бүх парламентын үед тойргийн хуваарилалт энэ гурван зарчмаар явагдсан. Нэгдүгээрт, хүн амын тоог харгалзан үздэг. Багцаагаар хөдөөд болон Улаанбаатарт нэг мандатад хэр хэмжээний сонгогчдын тоо оногдох вэ гэдгээс хамаарч хуваарилна. хоёрдугаарт, засаг,захиргааны нэгжийн төлөөллийнх нь зарчмыг хардаг. Тэгэхгүйгээр хүн амын тоог нь хатуу бариад хот, хөдөөгөөр нь ялгахгүй явчихаар Улаанбаатар улс болчих гээд байдаг. Тиймээс хөдөөд арай бага буюу нэг хүнд ойролцоогоор 20 гаруй мянган сонгогчийн тоотой, Улаанбаатарт 30-аад мянган сонгогчидтой байхаар тооцож ирсэн. засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн төлөөллийн хүрээнд нэг мандаттай дөрвөн аймаг хоёр төлөөлөлтэй болж, Улаанбаатарын мандатаас хасагдах магадлалтай.

Гуравдугаарт, тойргийг хуваарилахдаа тухайн тойргийн нутаг дэвсгэр тасралтгүй байх зарчмыг баримталдаг. Тухайлбал, 2016 онд Увс аймагт нэр дэвших гэж байсан Ардчилсан намын гаралтай хүмүүс нэг тойргийн сумыг нөгөө тойргийн сумтай хамт тасалж өөртөө тааруулж авах гэж оролдсон. Угтаа тойргийн хуваарилалт хийхдээ дээрх зарчмыг барих ёстой. Цаашдаа хүн ам олонтой, 5-6 мандаттай Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг дүүргүүдийг хоёр хувааж магадгүй. ийм саналыг зарим гишүүд илэрхийлж байгаа. Яг одоогоор холбогдох байгууллагууд мандат, тойрогоо хуваарилсан тогтоолын төсөл гишүүдийн гар дээр ирээгүй байна.

-МАН-ын даргын зүгээс мөнгөний оролцоогүйгээр сонгууль хийнэ гэжээ. Үүнтэй холбоотойгоор нийгэмд янз бүрийн л хардлага үүсч байна. Хангалттай хэмжээний санхүүжилтээ олчихжээ ч гэх юм. Ер нь татаас авахгүйгээр сонгууль хийх боломж байдаг юм уу?

-2020 оны сонгуулийн жил эхэлж байгаатай холбогдуулж МАН-ын бүлгийн хурал дээр намын дарга, Ерөнхий сайд У.хүрэлсүх, нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгсөн. Мөн Уих-ын сонгуульд нэр дэвшигчдийн баримтлах зарчмын талаар өөрсдийнхөө барьж буй бодлогыг танилцуулсан. энэ хүрээнд намын дарга хэд, хэдэн зарчмын асуудал тавьсан. Нэгдүгээрт, энэ удаагийн Уих-ын сонгуулиас эхлээд МАН аливаа сонгуульд нэр дэвшигчдэдээ мөнгөн босго тавих, хөрөнгөтэй, мөнгөтэй байх асуудлыг харгалзахгүй гэсэн. Мөнгөний үнэр багатай сонгууль хийх, сонгуульд мөнгөний оролцоог багасгах чиглэлд улс төрийн шийдэл гаргаж, томоохон алхам хийж буйгаа зарласан. Бид ч үүнийг Монголын улс төрийг цаашид цэвэр, зөв чиглэл рүү явуулах том алхам гэж харж байгаа. Өнөөдөр сөрөг хүчин болж буй АН Уих-д нэр дэвшигчдэдээ албан ёсоор 100 сая төгрөгийн босго тавьсан. Угтаа улс төр, мөнгийг салгаж байж Монголын улс төр зөв явах хандлага бий болно.

хоёрдугаарт, нэр дэвшигчдэдээ ёс зүйтэй байхыг гол шалгуур болгож тавина. Мөн мэдлэг, боловсрол, ажлын дадлага, туршлагыг харгалзан үзнэ. Гуравдугаарт, иргэдийн дэмжлэгийг хэн илүү авч байна тэр хүмүүс нэр дэвших эрхээ олж авна. Энэ зүйлүүдийг намын дарга илэрхийлсэн. энэ нийгэмд МАН өөрөөсөө эхэлж улс төрийн намын зөв хандлага, манлайллыг үзүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор энэ парламентын батлах шаардлагатай ямар хуулиуд байна вэ. Хэзээ хэлэлцэх вэ?

-Өнгөрсөн баасан гаригийн чуулганаар үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсантай холбогдуулж хууль тогтоомжуудад өөрчлөлт орох тухай Уих-ын тогтоолын төслийг баталлаа. энэ тогтоолын төсөл батлагдсанаар Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулж хийгдэх эрх зүйн шинэчлэлт эхэлж байгаа. үндсэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн хүрээнд зайлшгүй хийх ёстой хуулиудыг зааж өгсөн. Тухайлбал, засаг, захиргаа нутаг дэвсгэрийн тухай, хот тосгоны тухай болон Баялгийн сан, Улс төрийн нам, төсөвтэй холбоотой тодорхой хуулиудыг нэр зааж дагаж мөрдөх журмын тухай хуульд оруулсан. энэ удаад бид өөрчлөлт орсон чиглэл болгоноороо ямар өөрчлөлтүүдийг хэдэн онд, ямар чуулганаар багтаж хийхийг нарийвчлан зааж өгсөн тогтоолын төслийг баталсан. үүний дагуу холбогдох байгууллагууд хуулийн төслөө санаачлан оруулж ирж батлуулах үүрэгтэй. Миний хувьд эхний ээлжинд хот тосгоны эрх зүйн байдлыг тодорхойлсон, засаг, захиргаа нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулиуд орж ирэх нь зүйтэй гэж харж байна. Үндсэн хуульд заасан улс болон орон нутгийн зэрэглэлтэй хот, түүний тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгох зайлшгүй шаардлага хүлээгдэж байгаа. энэ нь 1992 оноос хойш бүтэн 30 жил яригдсан зүйл. энэ асуудал шийдэгсэнээр тодорхой аймгийн төвүүд, манай хархорин шиг хүн ам ихтэй газрууд орон нутгийн, улсын чанартай хотын статусаа авч иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг тодорхой болгох, төсөв, эдийн засгийн хувьд харьцангуй бие даан хөгжих боломж бүрдэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: Хуулийн онол, практикийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг нөхөж тоолох боломжгүй

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэхээр боллоо. Энэ хэр зөв шийдвэр байв?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тухайн үед сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байх үедээ тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх тухай амлалтыг ард түмэндээ өгч байсан. Энэ амлалтаа биелүүлэх талаар тодорхой ажил хийлээ. Энэ санаачилгыг гаргаж, Салхитын ордын баялгийг ашиглах замаар тэтгэврийн зээлийг тэглэх саналыг оруулж ирсэн. Үүнийг өнөөгийн эрх баригчид авч хэлэлцлээ. Дээрээс нь тэтгэврийн зээлгүй иргэдийг ялгаварлаж болохгүй гэж үзсэний үндсэн дээр нэг сая төгрөг олгох шийдвэр гарган баталлаа. Мэдээж энэ дунд асуудлууд байгаа. Ихэнх зээл аваагүй хүмүүс амьжиргааны түвшин доогуур байгаа. Учир нь өөр орлого байхгүй учраас зөвхөн тэтгэврийнхээ мөнгөөр амьдардаг. Зориглож зээл авч чаддаггүй. Энэ утгаараа ахмадуудыг талцуулсан шийдвэр болж хувирлаа л даа. Нэг хэсэг хүмүүсийнх нь зээлийг зургаа хүртэлх сая төгрөгөөр тэглэчихээд, нөгөө хэсэгт нь нэг сая төгрөг өгсөн нь тодорхой хэмжээгээр буруу шийдвэр байлаа.

-Тэтгэврийн зээлгүй 194 мянган иргэдэд олгох нэг сая төгрөгийн үнэт цаасыг 2021 оны тавдугаар сараас эхлэн мөнгөжүүлнэ. Мэдээж шинэ парламент гарчихсан байна. Залгамж халаагүй гэгддэг төр өмнөх парламентыхаа шийдвэрийг биелүүлэх үү. Тэтгэвэр авагчдад хоосон хүлээлт үүсчих юм биш үү?

-Өнөөдрийн МАН нэг сумаар хоёр туулай буудаж байна гэж бодож байгаа. Тодруулбал, 200 гаруй мянган ахмадуудынхаа зээлийг тэглэх замаар Их хурлын сонгуульд ялна гэсэн зорилготой байна. Улмаар нэг сая төгрөгийнхөө үнэт цаасаа 2021 оны тавдугаар сараас мөнгөжүүлэх замаар үлдсэн 194 мянган ахмаддаа мөнгө тарааж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэсэн бодолтойгоор энэ хуулийг баталлаа. Хэзээ ч нэг сумаар хоёр туулай бууддаггүй. Энэ бол ялгаатай шийдвэр. Нэг хэсгийг нь өнөөдөр баярлуулаад, нөгөө хэсгийг нь яах эсэх нь ч тодорхойгүй. Ийм нөхцөл байдалд аваачиж байгаа нь маш харалган шийдвэр боллоо.

-Сөрөг хүчний зүгээс энэ шийдвэрийг дэмжсэн. Мэдээж өөрсдийн санал дэмжигдлээ гэдэг утгаар дэмжсэн байх. Гэхдээ сөрөг хүчний зүгээс бодит нөхцөл байдлыг харж, мэргэжлийнхний хэлж буй эдийн засагт эрсдэлтэй, сөрөг үр нөлөөтэй талаарх байр суурь илэрийлж болоогүй хэрэг үү?

-Манай нам өөрөө баруун төвийн үзэлтэй. Тийм учраас халамжийг хавтгайруулах, татвар төлөгчдийнхөө татварыг үр өгөөжтэй, эдийн засгийг сайжруулах чиглэлд зарцуулах, үүнийхээ үр дүнд тодорхой хэмжээний цалин, тэтгэвэр нэмэх, зөрүүг арилгах замаар ард иргэдээ илүү сайхан боломжийн төлөө явах ёстой. Гэхдээ хамгийн гол нь Ардчилсан намаас нэр дэвшсэн Ерөнхийлөгчийнхөө санаачилгыг энэ удаад дэмжиж явахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон.

Тэтгэврийн зээл тэглэх хуулийг хэлэлцэх явцад миний зүгээс нэг санал гаргасан. Нэгэнт л бонд гаргаад 194 мянган ахмадад өгөх мөнгө нь тэтгэврийн зээл тэглэхтэй хамтдаа шийдэгдэж байгаа юм чинь цагаан сарын өмнө тэр нэг сая төгрөгийг нь өгчихье гэх санал гаргасан юм. Ахмадуудад өгөх 194 тэрбум төгрөгийн зардал нь ойролцоогоор 16.5 тэрбум төгрөг байна. Өөрөөр хэлбэл, бондын хүү нь жилийн хувь. Ингэж тооцохоор ойролцоогоор 16.5 тэрбум төгрөгийн хүү төлнө. Үүнийг улс өөр дээрээ авч, эсвэл бондоо нэмж гаргах замаар шийдээд явах боломжтой. Нэгмөсөн л нийт 400 гаруй мянган ахмадуудаа баярлуулчихъя гэсэн энэхүү санал маань харамсалтай нь дэмжигдээгүй.

-Бонд босгоход удаашрах нөхцөл байдал үүсэх үү?

-Бонд гаргах тухай асуудал Засгийн газар болон түүний харьяанд байдаг төрийн өмчийн байгууллагуудын үйл ажиллагааны асуудал болсон. Бондыг мөнгөжүүлэх нь Монголбанкны асуудал болж байгаа. Салхитын ордыг баталгаатай, 900 тэрбум төгрөгийн бондыг төлөх эдийн засгийн үндэслэл байна уу, байхгүй юу гэдгийг тооцож байгаад Монголбанкыг мөнгөжүүлэх тухай асуудал яригдана. Энэ нь цэвэр бонд гаргаж байгаа болон үүнийг мөнгөжүүлж буй Монголбанк, баталгаа гаргах Хөгжлийн банкны албан тушаалтнуудын хийх ажил юм.

-Хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт орсноос үүдэн маш олон гэмт хэргүүд хэрэгсэхгүй болсон. Та энэ талаар тодруулаач?

-2017 оны тавдугаар сард батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга мөн оны долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Ийнхүү хэрэгжиж эхэлснээс хойш хөөн хэлэлцэх хугацаа арван жил байсныг таван жил болгож багасгасан. Үүнтэй холбоотойгоор нийтдээ 800 орчим гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. Энэ гэмт хэрэгт холбогдсон 1500 орчим гэмт хэрэгтэн бидний дунд ял завшаад явж байгаа. Энэ гэмт хэргүүдийн ард хэдэн мянган хүн хохирч үлдсэн. Авлига, албан тушаалын 42 гэмт хэрэг АТГ-аар шалгагдаж байсан ч мөн л хөөн хэлэлцэх хугацаар хэрэгсэхгүй болсон. Энэ бүх хэргүүдийн нийт хохирол хоёр их наяд орчим төгрөг. Тиймдээ ч тухайн үеийн Хууль зүйн байнгын хорооныхон, хуулийг ахалж ажилласан хүмүүс хуулийн ноцтой алдаа гаргасан. Үр дүнд нь оймсондоо 25 сая, албан өрөө, гэртээ нэг тэрбум төгрөгийн авлига нуусан нөхрийн хэрэг өнөөдөр хэрэгсэхгүй болсон. Хөөн хэлэлцэх хугацаагаар тэрээр ямар ч ялгүй болж байх жишээтэй. Мөн Жастын Батхүүгийн улсад 143 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг дурдаж болно. Энэ хэргийг өнөөдөр шүүх рүү шилжүүлээгүй. Шүүх рүү шилжүүлэх юм бол хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болно. Хэрвээ хэрэгсэхгүй болчих юм бол энэ 2020 оны сонгуульд МАН-д хортойгоор нөлөөлнө. Ингэж үзсэн учраас ч мөрдөн байцаалт, прокурор хоёрын дунд шидсэн байдалтаагаар байна.

-Саяын Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр дээрх байдал засагдаж чадав уу?

-Энэ алдаагаа засаж байгаа. Хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолохоор болсон. Ингэснээр 2017 оны хуулиас өмнө хэрэгжиж байсан заалт руу очиж байна гэсэн үг.

-Баасан гаригийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Энэ хуулийн хүрээнд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгана. Энэ зохицуулалт нь бодит үр дүнг үзүүлж чадах уу?

-Энэ нь хуулийн онол, практикийн хувьд хэзээ ч байх боломжгүй. Шүүх гэмт хэрэгтэнд эрх зүйн байдлыг нь заавал дээрдүүлсэн шийдвэр гаргах үүрэгтэй. Энэ үүргийг хуулиар баталгаажуулаад өгчихсөн. Хэдийгээр нөхөж тоолох тухай хууль гарлаа ч гэсэн шүүх практик дээр энэ хугацаанд гарсан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар чөлөөлсөөр л байх болно. “Бид ийм хууль гаргасан боловч хэрэгжихгүй байна” гэж дараа нь хэлэхийн тулд л энэ өөрчлөлтийг оруулж байгаа юм.

-Сонгуулийг томсгосон тойргоор явуулна. Сөрөг хүчинд энэ нь хэр боломжит хувилбар вэ?

-Сонгууль болгоны өмнө тухайн үеийн эрх баригчид Сонгуулийн тухай хуулийг өөрчилдөг. Өөрсдөдөө их аятайхан нь гэж бодож өөрчилдөг. Гэхдээ бодит байдал дээр тэдний эсрэг шийдвэр гардаг. МАН Сонгуулийн хуулийг өөрсдөдөө ашигтайгаар баталчихлаа гэж бодож байгаа бол эндүүрэл. Сонгуулийн хуулийг ямар ч хэлбэрээр өөрчиллөө гэсэн ард түмэн өнгөрсөн дөрвөн жилийнх нь хийсэн зүйлийг үнэлж сонголтоо хийдэг.

МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд иргэдийг 25 сая төгрөгийн өртэй болтол нь гадаад өрийг нэмэгдүүллээ. Эдийн засгийн нөхцөл байдал огт сайжирсангүй. Иргэдийн амьдрал дээшилсэнгүй. Дээрээс нь МАН мөрийн хөтөлбөрөө хэдэн арван заалтаар нь биелүүлсэнгүй. Татвар нэмэхгүй гэсэн хэрнээ 10 гаруй төрлийн татвар нэмлээ. Төлбөр, хураамжууд бүр тоогоо алдсан. Зөрчлийн тухай хуулиар нэг сая 300 мянган иргэн нийтдээ 240 тэрбум төгрөгөөр торгуулсан. Үүнийг Монгол Улсын нийт иргэнд ногдуулаад үзвэл нэг хүнд 75 мянган төгрөг болж байгаа юм. Энэ мэт маш олон асуудалтай зүйлүүд байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Жавхлан: Халамж ихсэх тусам популизм гаардаг

УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.


-Эрх баригчид Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг дэмжээд буй. Таны хувьд тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрт ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ асуудал цэвэр улс төрийн шийдвэр. Энэ нь өөрөө халамжийн нэг хэлбэр шүү дээ. Уг нь бид халамж ихсэх тусам популизм гаардаг гашуун түүхээс салаад удаагүй л байгаа. 2004, 2008, 2012 онд их мөнгө амлаж улс төр хийдэг байсан тэр чөтгөрийн тойргоос бид арайхийж гарч ядаж байгаа. Ялангуяа 2017 оноос хойш хэрэгжиж эхэлсэн ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд эдийн засаг, санхүүгийн сахилга баттай болж ирж байна. Эдийн засаг харьцангуй тогтворжиж байгаа. Цаашид эдийн засаг өсөх хандлагууд ч бий болж байна. Ийм үед бид ийм гэнэтийн шийдвэр гаргаж буцаад халамжийн чиглэлийн эдийн засгийг тэлэх нь чөтгөрийн тойрогтоо эргэн орж болзошгүй байдлыг үүсгэх үр дагавартай. Буцаад нийгэмд үүнийг дагасан олон хүлээлт, улс төрийн амлалтууд цуврахыг үгүйсгэхгүй. Энэ нь тогтож ядаж байсан төсвийн ч мөн иргэдийн санхүүгийн сахилга батыг эвдэх хор уршигтай. Нэг талаар өр зээлтэй ахмадууддаа тусалж байгаа мэт боловч алсуураа эдийн засаг, төсвийн тогтворгүй байдлыг үүсгэх эрсдэлтэй.

-Дахин ийм халамжийн бодлого гарах вий гэх болгоомжлол байна гэсэн үг үү?

-2004-2012 оны хооронд мөнгө, халамж амладаг улс төрийн уралдаан зарласан. Энэ нь эдийн засагт маш их хохиролтой. Халамжийг тэлэх нь популизмыг дэврээдэг. Үүнээс үүдэн дахин халамжийн уралдаан эхэлж, мөнгө амлах үйл явц өрнөх вий. Ер нь макро эдийн засгийг удирдана гэдэг эдийн засагт оролцогчдын хүлээлтийг удирдах л асуудал байдаг. Тиймдээ ч хариуцлагатай болж ирж байсан нийгмийн сэтгэл зүйг эвдээд өөр хүлээлт рүү аваачиж байгаа нь л буруу байгаа юм. Угтаа бид эдийн засагт ийм хэмжээний боломж гарч ирж байгаа үед нөөцөлж, эсвэл иргэдийн орлогыг дэмжих тал дээр хөрөнгө оруулалт хийх ёстой. Зарлагыг нь тэглэх бус орлогыг нь нэмэх нь илүү өгөөжтэй. Жишээ нь, тэтгэврийг нэмэх, тэтгэврийн зөрүүг арилгах гэх мэт.

-Одоо тэгэхээр яана гэсэн үг вэ?

-Нэгэнт улс төрийн шийдвэр гараад тэтгэврийн зээлийг тэглэхээр болох юм бол үүнээс үүсч болзошгүй макро болон микро эдийн засгийн эрсдэлүүдийг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч болох вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй.

-Эдийн засагт үүсэх хамгийн гол хүндрэл нь юу байна вэ?

-Хамгийн гол эрсдэл нь энэ халамжаар дамжиж төсвөөс гадуур хяналтгүй, хязгаарлалтгүй, зохистой харьцаагүй дахиад нэг өөр төсөв үүсч болзошгүй. Хэрэв энэ нь цаашдаа бусад өөр улс төрийн амлалтаар тэлэх юм бол эдийн засгийн макро тэнцвэрт тодорхой эрсдэл учирч бид дахиад л маш үнэтэй эдийн засгийн тохиргоо хийх хэрэгтэй болно. Энэ л гол эрсдэл байгаа юм. Дээрээс нь хуулийг үзвэл эцсийн эрсдэлийг Засгийн газар үүрнэ гэж заасан байгаа.

-Салхитын ордоос бонд босгох замаар Тэтгэврийн зээлийг төлнө гэж байгаад та юу хэлэх вэ?

-Салхитын мөнгөний ордтой уяж тайлбарлаж байгааг мөн л сайн ойлгож өгөхгүй байна. Салхитын мөнгөний орд өөрөө эргэлтэд орж эхлээгүй байгаа. Гэтэл түрүүлж ашгийг нь барьцаалж бонд гаргана гэж байна. Дараа Салхитын мөнгөний ордын үйл ажиллагааг санхүүжүүлэх мөнгийг яаж босгох юм. Төрөөс санхүүжилт хийх боломжгүй, олон улсын зах дээрээс мөнгө босгоё гэхээр түрүүлээд ашгийг нь хэрэглэчихсэн байдаг. Дараа нь хөрөнгө оруулалт босгоход төвөгтэй л байдал үүснэ. Энэ утгаараа тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг яаран ямар ч тооцоо судалгаагүй хийчих вий дээ л гэж бодож байна.

-Салхитын ордны олборлож гаргах алт, мөнгийг Монголбанк худалдаж авах замаар арилжааны банкуудыг санхүүжүүлнэ. Бэлэн мөнгөний бус банк, компани хооронд бичилт хийх замаар өрийг тэглэх санхүүгийн зохицуулалт явна. Тэр ч утгаараа төсвөөс тусдаа зохицуулагдаж байгаа гэж ХНХ-ийн сайд хэлж байсан. Ийм боломжтой юу?

-Хэрэв бичилт хийгээд зээл тэглээд байдаг бол ер нь бүх өр зээлээ ингээд шийдчиж болдоггүй юм уу. Даанч ийм боломж байдаггүй юм. Бичилтүүд хийсээр тэр нь хаа нэг газар очиж, улмаар эцсийн хариуцагч гарч ирдэг. Энэ хуулиар тэр нь Засгийн газар өөрөө болж таарах гээд байна. Энэ нь татвар төлөгчдийн л мөнгө шүү дээ. Салхитын ордоос алтаа аваад эхэлбэл тэртэй тэргүй төв банкиндаа л тушаадаг уламжлалт хуультай бид.

-Тийм байх нь. Ер нь бид тэтгэврийн тогтолцоонд реформ хийх хэрэгтэй юү?

-1990-ээд оны Азийн эдийн засгийн хямрал манайд нэлээд хүнд туссан. Цөөнгүй банк дампуурсан. Тэр үед Нийгмийн даатгалын сан томоохон цохилт авч, алдагдал хүлээсэн. Дээрээс нь төсөв өөрөө маш их алдагдалтай байсан учраас НДС-гаас мөнгө авч, зарлагадаа хэрэглэчихсэн. Тэр үеэс хойш төсөв нийгмийн даатгалд өртэй явж ирлээ. Үүндээ улам ороогдож, үүнээс гарч чадахгүй яваад байгаа юм. Олон улсын жишгээр явбал НДС хуримтлагдаж байх ёстой. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ хурааж авч байгаа Нийгмийн даатгалын шимтгэлээрээ өнөөдрийн тэтгэвэр авагчдын тэтгэврийг өгдөг. Бид ийм системтэй явсаар байгаа. Бид үүнээс гарахын тулд зайлшгүй тэтгэврийн реформ хийх ёстой. Тэгэхгүйгээр энэ алдагдлаа нөхөхийн тулд бид тэтгэвэрт гарах насыг уртасгадаг, эсвэл НДШ-ийг нэмдэг хоёр механик арга хэмжээг л авсаар байна. Угтаа зээл тэглэж байгаа эх үүсвэр бидэнд байгаа бол энэ НДС-гаа баяжуулах, тэтгэврийн зөрүүг арилгахад зарцуулах ёстой. Энэ нь урт хугацаандаа тэтгэвэр авагчдад илүү үр өгөөжтэй байх болно.

Татан буугдсан, дампуурсан банк бүрийг үзэхээр НДС-гийн мөнгө үргэлж байдаг. Мэдээж банкуудын чадамж муудаад ирэхээр амлаж байгаа хүүнүүд нь нэмэгддэг. Түүнээс нь болж НДС-гийн мөнгийг хадгалуулж, алддаг. Ийм хар практик манай улсад 20 гаруй жил үргэлжиллээ. Төр НДС-гаа бүрдүүлчихээд хадгалж, хамгаалж чадахгүй байна. Бид үүнийг онцлон анхаарч, хамгийн түрүүнд реформ хийх өнцөг бол энэ. Төр НДС-гийн мөнгийг хадгалж байгаа бол маш хариуцлагатай байх ёстой. Гэтэл үүнтэй зэрэгцээд Хадгаламжийн даатгалын корпораци гэж байдаг. Үүнийг хамгийн тогтвортой, их үлдэгдэлтэй баян сан гэж хэлж болно. Одоогоор 400 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ сан ямар ч эрсдэлд орохгүй оршин тогтнож чадаж байна. Тэгвэл НДС-гийн мөнгийг яагаад энэ жишгээр төр хадгалж чадахгүй байна вэ. Одоо бид Нийгмийн даатгалын тухай хуульд НДС-гийн мөнгийг хэрхэн яаж хадгалж, байршуулах вэ, найдвартай байлгах вэ гэдэгт том өөрчлөлт хийх хэрэгтэй.

-Яавал найдвартай хадгалах юм бэ?

-Энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулагдаж би ахалж байгаа. Манай ажлын хэсгийг гол зорилго ердөө энэ. НДС-гийн мөнгийг хадгалахдаа ашиг хайх биш, хамгийн түрүүнд найдвартай байхыг чухалчлах ёстой. Нэгдүгээрт, найдвартай байдал, хоёрдугаарт, хөрвөх чадвар, эдгээр хоёр нөхцөл хангагдвал ашиг хайж болно. Ийм л зарчмаар явах ёстой. Харамсалтай нь одоо бол яг эсрэгээрээ. Уг нь өндөр хүүний өгөөж гуравдугаар асуудал гэсэн үг. Энэ өнцгөөс нь л өөрчлөлт оруулж, Засгийн газарт хүргүүлнэ.

-Бид хэзээ саарал жагсаалтаас гарч чадах вэ?

-Энэ асуудал дээр парламентын зүгээс хийх ёстой зүйлээ хийсэн. Маш сайн хуулиудыг гаргасан. Эрүүгийн тухай хуульд мөнгө угаахтай тэмцэх заалтуудыг маш чангаруулсан. Манай хүчний байгууллагууд үүнийг илрүүлэх тал дээр муугүй ажиллаж байна. Шүүх, прокурор дээр үүний үр дүн эцэслэж гарахгүй байна гэдгийг л олон улсын байгууллагууд онцолж анхааруулдаг. Энэ үр дүн нь яаж гарахаас л бүх юм шалтгаална. Засгийн газрын ярьж байгаагаар жилийн хугацаанд гарах боломжтой гэж байгаа. Их хурлын зүгээс бүх талаар дэмжиж ажиллаж байгаа.

-Саарал жагсаалтаас үүдэн эдийн засагт гарч байгаа өөрчлөлтүүд юу байна вэ?

-Саарал жагсаалтад удаан байх юм бол алсуураа эдийн засагт сөрөг цохилтууд бий болно. Тиймдээ ч богино хугацаанд гарах нь чухал. Нэг жилийн хугацаанд багтаж гарах юм бол эдийн засагт айхавтар хүндрэл учрахгүй болов уу. Тэр хэмжээний цочролыг манай эдийн засгийн потенциаль давж чадна. Гэхдээ удах юм бол их хор уршигтай. Ядаж л манай зээлжих зэрэглэлд нөлөөлж эхэлнэ. Тэр тохиолдолд манай бизнесийн өртөг нэмэгдэж гадаад хөрөнгө оруулалтууд саарах байдал үүснэ. Гэх мэт хүндрэлүүд үүсч болзошгүй юм.

Дэлхий нийт эдийн засгийн хувьд тогтсон нэг дүрмээр өөрчлөгдөж байна. Саарал жагсаалтад орно гэдэг нь энэ урсгалыг сөрж явах нөхцөл рүү орчихож байна л гэсэн үг. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг сөрвөл бидэнд ямар ч гэрэлтэй ирээдүй харагдахгүй. Энэ нь дэлхий нийтээрээ мөнгө угаалтын эсрэг нэгдсэн нэг дүрмээр тэмцэцгээе гэдэг л санаа.

-Таван толгой компани дөрөвдүгээр сараас эхлэн IPO зарлана гэж байсан. Энэ нь биеллээ олж чадах болов уу?

-IPO хийх нь зөв. Гэхдээ цаг хугацааны хувьд бэлтгэл ажил нь удчихлаа. Угтаа бид хоёр жилийн өмнө IPO гарга гэх чиглэлийг Засгийн газарт өгсөн. Хэрэв сонгуулийн өмнө IPO зарлана гэвэл тохиромжгүй цаг хугацаа байх болно. Ийм цаг үед, дээрээс нь саарал жагсаалтад орчихсон байхдаа IPO зарлахад өгөөж муутай.

-Хаан банкны 54 хувийг эзэмшигч хувьцаагаа манай томоохон бизнесмэнүүдэд 300 сая ам.доллараар санал болгож байгаа гэдэг ортой юу?

-Энэ талаар хэвлэлийн мэдээлэлтэй л байна. Хаан банк гэдэг өөрөө монголчууд, Монголын эдийн засгийн хувьд үнэтэй капитал. Тиймдээ ч энэ банкийг цаашид хэн эзэмших вэ гэдэг нь бидний хувьд анхаарал татахуйц, ач холбогдолтой зүйл. Хэрвээ худалдах гэж байгаа бол дараагийн худалдан авагч нь маш зөв субьект байгаасай. Худалдаж авах гэж байгаа мөнгө нь зөв, цэвэр байгаасай. 54 хувийн хувьцааг эзэмшдэг тэр япон иргэн үүнийг уншаасай гэж хүсч байна. Хаан банк цаашид одоогийн байгууллагын засаглал, үйлчилгээгээ хадгалж, улам сайжирч, эрүүлжиж явах нь чухал. Дараагийн эзэн нь ийм шаардлагуудыг хангах ёстой. Тиймдээ ч Монгол орны эдийн засаг хөгжлийн язгуур эрх ашигт нийцсэн тийм эзэмшигч байх ёстой юм. Энэ шаардлагыг монголчууд бид тэр хүнд тавих эрхтэй. Түүнээс энэ банкийг хаа нэг газраас эзэнгүй мөнгө босгож авчраад, эсвэл хэзээ нэг өдөр буцаан дуудагдах өрөөр худалдаж авах ёсгүй. Хамгийн тогтвортой зөв мөнгөөр энэ банкийг худалдаж авах хэрэгтэй. Ийм потенциалтай худалдан авагчид манайд тун цөөхөн байгаа.

Ер нь үүн дээр Төв банк маш тодорхой байр сууриа илэрхийлэх ёстой. Цаашдаа системийн нөлөө бүхий банкууд тодорхой хувиа олон нийтийн болгох шаардлагатай.

-Та ирэх сонгуульд нэр дэвших үү?

-Би Дархан-Уул аймгаасаа дахин нэр дэвших улс төрийн эрмэлзлээ илэрхийлсэн. Эцсийн шийдийг нам л гаргана.

-Хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойрог, мандатын хуваарилалт тодорхой болох ёстой. Дархан-Уул аймагт өөрчлөлт орох уу?

-Манайх гурван мандаттай нэг тойрог. Дарханд өөрчлөлт орохгүй. Зарим нэг аймгууд болон нийслэлд өөрчлөлт орно гэж сонсогдож байсан. Ер нь УИХ-ын гишүүн зөвхөн хүн амаа гэлтгүй газар нутгаа ч төлөөлөх ёстой. Газар нутаг, байгаль дэлхийгээ хамгаалж, түүний төлөө ч бодлого явуулах хэрэгтэй шүү дээ. Төлөөллийн ардчилал гэдэг зүйлийг тэгж л харж байна.