Categories
мэдээ цаг-үе

Д.Золбоо: Өвчний нөхцөл байдал намжсаны дараагаар “Нэг бүс, нэг зам” санаачилгаа эрчимтэйгээр үргэлжлүүлэх байх

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоотой ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн тархалт гарсантай холбоотойгоор урд хөршийг зорьж, эмгэнэл илэрхийлэн тусалж дэмжихээ мэдэгдлээ. Энэ алхмыг та судлаач хүний хувьд юу гэж харж байна вэ?

-Юуны өмнө сүүлийн үеийн хамгийн сонирхолтой сэдвийн хүрээнд хувь судлаачийн байр суурийг сонирхож, ярилцах урилга ирүүлсэнд талархаж байна. Та бид бүгдээрээ таамаглаж болдоггүй тул амьдрал баян байдаг гэдгийн баталгаа болсон нэгэн сонирхолтой цаг үеийн гэрч болж байна даа. Хөрш орнуудын төрийн тэргүүн нар харилцан айлчлах явдал аль ч цаг үед тухайн улс орны гадаад, дотоод бодлогод чухал байр суурь эзэлсээр ирсэн. Манай улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын хувьд үнэхээр тэр бүр тохиогоод байхааргүй онцлог нөхцөл байдал, цаг хугацаанд болж өнгөрлөө. Гэхдээ асуултын тань хувьд яг тэгж тодорхойлж болох эсэхэд эргэлзэж байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байгаа цар тахал зөвхөн Хятад улс гэлтгүй хөрш орнуудад нь томоохон сорилт болсоор байна. Гэхдээ бид нийтээрээ давж гарах нь цаг хугацааны л асуудал гэдэгт бол хувьдаа бат итгэлтэй байна. Хятад дахь өвчлөлийн нөхцөл байдал харьцангуйгаар намжиж эхэлж буй боловч өмнөх хэвэндээ ортлоо мөдгүй биз. Айлчлалын хувьд хөршийн өмнө тулгарсан асуудалд “Айл хүний амь нэг” сэтгэлээр хандаж байгаагийн илрэл гэж дүгнэж болохоор. Зарим нэг хүмүүс энэхүү айлчлалын үр дүнг бусад дипломат арга, хэлбэрээр хэрэгжүүлж болох байсан гэдэгтэй бол санал нийлэхгүй байна. Сэтгэл гаргаж байгаагийн энгийн нэг илрэл шүү дээ. Аливаа улс оронд тохиосон олон тооны хүн амь үрэгдсэн томоохон осол, албан ёсоор эмгэнэл илэрхийлэх нь дипломат харилцааны практикт байдаг жишиг.

-Ерөнхийлөгчийг тахлын голомт руу явах нь гэсэн шүүмжлэл ч дагасан. Гэхдээ иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны дээд түвшиндээ хүрсэн болохыг харуулах шиг боллоо.

-Тийм шүү. Түүнд л энэ айлчлалын зорилго, утга учир агуулагдаж байна. Шүүмжлэл бол байх нь зүйн хэрэг, тэр тусмаа төрийн тэргүүнээ эрсдэлд өртөх вий гэж сэтгэл зовнисон гэдэг талаас нь ойлгож болно. Гэхдээ яг тахлын голомт гэж нэрлэх нь хэтрүүлэг болох байх. Бидэнд олдож байгаа мэдээллээр Хятад улс нэг үеэ бодвол өвчлөлийн тархалтыг тодорхой хэмжээнд хяналтандаа авч чадлаа гэж үзэж болохоор байх шиг.

Төрийн тэргүүний айчлал гэдэг ямар ч үед ганц хувь хүний шийдэх хэрэг биш байдаг тул манай улсын яам, холбогдох байгууллагуудын дүгнэлт, зааврын дагуу зохион байгуулагдсан байж таарна. Ер нь төрийн өндөр хэмжээний айчлалд холбогдох мэдээлэл Төрийн нууцын тухай хуулийн хүрээнд тодорхой хугацаанд нууцлалын зэрэглэлтэй байдаг учраас тэр бүрийг олон нийтэд мэдээлээд байх албагүй л дээ. Гэхдээ сүүлийн үеийн олон улсын харилцааны чиглэлийн судалгаанд улс орны гадаад бодлогод шийдвэр гаргагч, удирдагч хувь хүний зан чанар болон бусад хүчин зүйлс тодорхой хэмжээнд нөлөөлдөг болохыг хүлээн зөвшөөрч байх шиг байна.

Ер нь бол манай хоёр улсын харилцаа урьд өмнө түүхэндээ байгаагүй хамгийн сайн үедээ байгаа гэдгийг судлаач, түүхчид хүлээн зөвшөөрдөг. Өнгөрсөн жил тэмдэглэн өнгөрүүлсэн дипломат харилцааны 70 жилийн хүрээнд хийсэн эрдэм шинжилгээний хурлын үеэр өнгөрсөн түүхээ нуршин ярилгүйгээр ирээдүйн харилцаагаа хөгжүүлэх талаар ярилцаж байлаа. Дараагийн 70 жилийн харилцаа өвөрмөц түүхээр эхэлж байна, цаашдаа ч яаж өөрчлөгдөхийг таашгүй.

-Энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивласан нь урд хөршийн удирдлагууд болоод ард иргэдийн сэтгэлийг багагүй хөдөлгөлөө. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд хандивын аянууд ч зарлагдаад байгаа. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Тийм ээ, үнэхээр л хоёр орны ард түмний сэтгэлийг хөдөлгөсөн сайхан үйл явдал болж түүхэнд бичигдэхээр боллоо. Энэ тооны сүргийг бүрдүүлэхэд ч манай нөхцөлд асуудал биш л дээ. Зарим хүмүүсийн шүүмжлээд байдаг шиг хөдөөгийн эгэл малчид маань зөвхөн бэлэн юм нэхдэг хүмүүс биш, харин ч энэ аянд хамгийн идэвхтэй оролцох хүсэл сэтгэлтэй байгаа гэдэг нь харагдаж байна. Гэхдээ айлчлалын үндсэн зорилго, үр дүнг гурван түмэн халуун хошуут мал байсан мэтээр дүгнэх нь өрөөсгөл болох байх. Тусгаар тогтносон Монгол Улсын ХХ зууны түүхэнд хүнд нөхцөл байдалд өртсөн улс орнуудад чадлынхаа хэрээр хандив, дэмжлэг үзүүлсээр ирсэн түүхэн уламжлал олон бий. Нүүдэлчин монголчуудын хувьд түүхэндээ тэр бүр өөрсдөө мэдэрч байгаагүй өлсгөлөнгийн гамшигт нэрвэгдсэн улс орнуудын ард түмэнд “Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо” гэдэг зарчмаар өөрсдийнхөө боломжоороо амьд мал, махаар тусалж ирсэн арвин түүхтэй. Хоёрдугаар дайны үед Зөвлөлтийн армид хувиасаа түмэн хонин хандивлаж “Фронт Бадам” гэх зэргээр түүхэнд үлдсэн сайхан сэтгэлт жирийн иргэдийн жишээ цөөнгүй бий. Энэ талаас нь аваад үзвэл жирийн монгол малчдын хувьд цоо шинэ үзэгдэл бол биш. Монгол орны бэлчээрийн малын махны амт чанарыг мэддэг хүмүүс нь эмтэй зүйрлэдэг юм билээ. Хөдөө аж ахуйн тэр дундаа мал аж ахуй салбарын ирээдүйн хөгжилд бидэнд хамгийн ойрын том зах зээлийн хэрэглэгчдэд бэлчээрийн монгол хонины махны амт, чанарыг таниулахад ч тус нэмэртэй ч байх.

-БНХАУ-ын Дарга Си Жиньпинтэй хийсэн уулзалтын үеэр “Дусал ус мэт ачлал үзүүлбээс дундаршгүй булаг мэт хариу барьюу” хэмээх Күнзийн сургаалыг эш татсан нь энэ удаагийн айлчлалын ач холбогдлыг илтгэлээ гэж харж болохоор байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Дорнын ард түмэнд байдаг нийтлэг онцлог, соёл бол үгэн дотор үг бий хэмээдэг. Их гүрний удирдагчийн хувьд хэлсэн үг бүхэн цаанаа гүн гүнзгий утга агуулгатай байхаас аргагүй. Гэхдээ яг энэ эшлэлийн хувьд Күнзээс бүр хойно Мин улсын үеийн түүхэн зохиолд дурдагддаг сургаал хэмээн манай нангиад судлаачид бичсэн байна билээ. Бидний өвгөдийн “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” хэмээх хэлцтэй дөхүү утгатай юм уу гэж хувьдаа харж байгаа. Гэхдээ бид нэг удаагийн дэмжлэгээ дахин дахин дурдаад байх нь жаахан тийм байж магадгүй. Харин мөнхийн хөршийн хувьд хүнд хэцүү цагт чинь сэтгэл санаа нэгтэй байгаа шүү гэдгээ илэрхийлэх боломж байлаа гэж харах нь зөв байх.

-Ер нь цаашдаа энэ айлчлалын үр дүнд хоёр орны харилцаа, эдийн засагт гарах өөрчлөлтүүдийг та хэрхэн харж байна вэ?

-Энэ нөхцөл байдал удахгүй сайжрах нь тодорхой. Тиймээс өнөөдрийн нийтлэг сорилтыг даван туулсны дараахь хоёр улсын харилцааны ирээдүйд алсыг харсан нүүдэл зайлшгүй чухал. Сүүлийн жилүүдэд Хятадын Засгийн газраас идэвхтэй ярьж, хэрэгжүүлэхийг зорьсоор ирсэн “Нэг бүс, нэг зам” санаачилгаа өнөөгийн өвчний нөхцөл байдал намжсаны дараагаар эрчимтэйгээр үргэлжлүүлэх байх. Монголын хувьд хоёр хөрштэйгөө хамтран хэрэгжүүлэхээр тохирсон Эдийн засгийн коридорын төслүүдийн хэрэгжилт ч үүнд хамаарч болно. Гэхдээ нэг үнэн зүйл гэвэл, монголчууд бол бусдад тусалсныхаа хариуг хараад, нэхээд суучихдаг ард түмэн биш л дээ. Цаашдын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх идэвхтэйгээр, харилцан ашигтай хөгжүүлэхэд урьдын адил зөвхөн өөрсдөөс маань шалтгаалах зүйл олон байх биз.

-Одоогоор коронавирусээс үүдэн БНХАУ-д үүсээд буй хүндрэлүүд юу байна вэ?

-Энэ удаагийн тахлын учруулах хохирол эрүүл мэнд, амь наснаас илүүтэйгээр эдийн засагт хохирол учруулахыг эдийн засагчид анхааруулсаар байгаа. Хятадын дарга ч гэсэн ирэх долоо хоногоос худалдаа, эдийн засаг, санхүүгийн салбараа хэвийн байдалд нь оруулахад төрийн зүгээс бүх талаар дэмжихээ илэрхийлж байна. Хятадын эдийн засгийн өсөлт бүх дэлхийд хамааралтай байдаг учраас бидэнд ч хамаатай. Өмнөх томоохон өвчлөл SARS-ийн дэлхийн эдийн засагт учруулсан хохирлоос энэ удаагийнх хамаагүй илүү даваад гарчихлаа. Тэр үеийн Хятадын эдийн засгийн дэлхийн эдийн засагт үзүүлэх хэмжээ одоогоос хамаагүй бага байсныг ч бодолцох хэрэгтэй. Төрийн зүгээс өвчлөл, нийгмийн бусад асуудалдаа төвлөрөөд одоохондоо эдийн засгаа сэргээх төлөвлөгөөгөө албан ёсоор танилцуулж амжаагүй байна. Уламжлалт арга нь мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлж төсвийн хөрөнгө оруулалтыг өсгөдөг гэж манай эдийн засагчид бичсэн байна билээ, үнэн биз. Өвчлөлийн голомт болсон Ухань хот өөрөө улсынхаа эдийн засгийн хөдөлгөгч хүч гэдэг тодотголтой байлаа. Эргэн хэвэндээ ортол багагүй хугацаа шаардлагатай. Хөл хорионы уршгаар аж үйлдвэрлэлийн газруудын үйл ажиллагаа, тэр дундаа аялал жуулчлалын салбар мөд сэргэх боломжгүй байх шиг байна. Бидний өдөр тутмын амьдралд нөлөөлдөг нүүрсний экспорт зогссон нь тэдний нүүрсний нийт хэрэглээ 30 гаруй хувь буурсанд нөлөөлсөн л байх. Товчхондоо хөршийн маань эдийн засаг аль болох богино хугацаанд эргэн сэргэх нь монголчууд бидэнд ч амин чухал байх болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Батнасан: Энэ байдал удаан үргэлжилбэл төрөөс аж ахуй эрхлэгчдийг дэмжсэн бодлого гаргах нь зүйтэй

УИХ-ын гишүүн О.Батнасантай ярилцлаа.


-Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Засгийн газар тодорхой шийдвэрүүдийг гаргаад ажиллаж байна. Таны хувьд шийдвэрүүдэд ямар байр суурьтай байгаа вэ?

-Коронавирус манай урд хөршийн гэхээсээ илүү дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа. Тархацын хувьд маш хурдацтай байна. Хэрхэн, яаж эмчлэх талаар нарийн тактик алга. Ийм аюултай нөхцөлд манай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар шуурхай сайн ажиллаж байна гэж харж байна. Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоолоо. Сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулиудын үйл ажиллагааг хойшлуулсан нь ч зөв. Учир нь коронавирусийн дэгдэлтийг өндөр хөгжилтэй орнууд ч намжааж чадахгүй байна. Тухайлбал, Япон улсыг харж болох юм. Бидний хувьд ямар нөөц бололцоо, чадвар чадамжтай улс билээ. Тэр утгаараа үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв арга. Аливаа зүйлээс урьдчилсан сэргийлнэ гэдэг ирэх аюулыг хаана л гэсэн үг. Ирэх аюулыг хааж чадвал бид эдийн засгийн нөхцөл байдал, эрүүл мэндийн хувьд ч эрсдэлгүй байж чадна. Үүнтэй холбоотой гарч буй Эрүүл мэндийн яамны шийдвэрүүдийг дэмжиж байгаа. Сайн ажиллаж байна гэж дүгнэж байгаа хэрэг. Мэдээллийг маш шуурхай, түргэн хугацаанд өгч байгааг нь зөв зүйтэй үйлдэл гэж харж байна. Ямар ч өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг, тун түвэгтэй. Тиймээс иргэд хувийн ариун цэврээ сахих, илчлэг сайтай хоол унд идэхэд анхаарах нь чухал. Хувийн сахилга баттай, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах нь зүйтэй.

-Нүүрсний экспортыг зогсоож, боомтуудыг хаагаад байна. Үүнээс үүдэн эдийн засагт хүндрэл үүсэх эрсдэл бий. Таны хувьд юу гэж харж байна вэ?

-Нүүрсний экспортыг зогсоосноор эдийн засагт мэдээж хүндрэл үүсч байгаа, яагаад гэвэл төсвийн орлогын нэлээдгүй хэсгийг эндээс олохоор тооцсон. Гэхдээ дэлхий нийтээр тулгараад буй ийм эгзэгтэй үед эдийн засаг чухал уу, эрүүл мэнд чухал уу гэдгийг бодох хэрэгтэй. Ер нь бол нүүрсний экспортыг зогсоохоос өөр арга байхгүй. Халдвар тарж болох биет болон биет бус зүйлсийг хязгаарлах шаардлага байгаа. Тэгээд хорио цээр, ариутгалаа яаж хийх вэ гэдгээ ярилцаж шийдсэний дараа хориогоо харин даруй цуцлах тал руугаа ажиллах нь зөв. Үүссэн нөхцөл байдлыг удаан хугацаанд битгий үргэлжлээсэй гэж төр төлөөлж буй гишүүний хувьд бодож байна. Бүхэл бүтэн нэг улс байна, үүссэн эдийн засгийн нөхцөл байдлыг даван туулах л ёстой. Даван туулахад хүндрэлтэй хэцүү байна гээд иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчныг хангахгүй байж болохгүй шүү дээ. Зөв бодлого шийдвэр гаргаж эдийн засгийн асуудлыг хүндрэл багатай шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна.

-Бизнес эрхлэгчдэд хүндрэл үүсч байгаа учир зээл, зээлийн хүүг царцаах тодорхой арга хэмжээ авах ёстой талаар зарим гишүүд хэлж буй. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Бизнес эрхлэгчдэд хүндрэл үүсч байгаа нь үнэн. Ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүндрэл үүсч байна, учир нь эдгээр нь хөрөнгө мөнгөний хуримтлал муутай, богино эргэлтээр бизнес нь явагддаг. Би өөрөө энэ салбарт ажиллаж байсан, одоо ч миний хувь нийлүүлсэн компани энэ салбарт ажиллаж байгаагийн хувьд зовлонг нь мэднэ. Гэхдээ энэ чинь зах зээлийн нийгэм шүү дээ, зах зээлийн тааламжтай нөхцөл гарвал ашгаа хүртээд явна, эсрэгээр эрсдэлээ ч хүлээгээд явна. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр бид амгалан тайван байдлаар олон жил бизнесээ хийгээд, тодорхой ашгийг нь хүртээд ирсэн. Үүнтэй бусад хүмүүс ч санал нийлэх байх. Нэгэнт давагдашгүй гэж хэлж болохуйц нөхцөл байдал үүсчихсэн энэ үед бидний, миний бизнес болохгүй байна, банкны зээлтэй шатаж байна гээд байх нь зохимжгүй л дээ. Дахин хэлэхэд нөхцөл байдал хүнд байгааг ойлгож байна, цаашид удаан үргэлжлэхгүй байх гэж итгэж байна. Хэрэв байдал удаан үргэлжлэхээр юм бол төрөөс бизнес эрхлэгчдийг дэмжсэн бодлого шийдвэр гарах нь зүйтэй байх. Засгийн газар, УИХ-ын даргын түвшинд асуудал яригдаж байгаа гэсэн мэдээлэлтэй байгаа.

-Зээлийн хүүг царцаах талаар уу?

-Царцаах асуудал хөндөгдөж байсан. Гэхдээ энэ бол банкууд болон зээлдэгч нарын хоорондын асуудал. Үүнд Засгийн газар хутгалдаж орно гэдэг зах зээлийн зарчимд нийцэхгүй асуудал. Төр засгаас бизнес эрхлэгчдээ татварын бодлого, хөнгөлөлтөөр л дэмжсэн шийдвэр гаргаж болно. Өргөн хэрэглэгээний, иргэдийн өдөр тутмын хэрэглэдэг, импортоор оруулж ирэхээс өөр аргагүй бараа бүтээгдэхүүний импортын татварыг хөнгөлөх, эсхүл төлөх хугацааг хойшлуулах ч гэдэг юм уу. Хэрэв энэ өөрчлөлтийг хийнэ гэвэл УИХ чуулахад ч бэлэн байгаа. УИХ-ын ээлжит чуулган завсарласан ч УИХ-ын гишүүдийг байнгын бэлэн байдалд ажиллуулж байгаа. Шаардлагатай нөхцөлд улс орны аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой шийдвэр гарах түвшинд ажиллахад УИХ-ын гишүүд бэлэн байгаа.

-Сангийн сайдын зүгээс нөхцөл байдал энэ хэвээр байвал төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр дутна гэжээ. Таныхаар төсөв эдийн засагт урт хугацаанд үүсэх нөхцөл байдлыг дааж чадах болов уу?

-Төсвийн хүндрэлийг урьдчилан дүгнэхэд одоо эрт байна. Бид 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Мэдээж уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн 30 орчим хувийг бүрдүүлж байгаа салбар. Энэ салбарын борлуулалтаас орох татвар төсөвт нэлээд жин дарна. Гэхдээ үүнээс болж төсөвт их хүндрэл үүсч, цалин тэтгэвэр тавьж чадахгүй болох хэмжээнд хүрэхгүй болов уу. Төсөвт тодотгол хийх шаардлага ч үүсэхгүй байх гэж бодож байна. Засгийн газрын зүгээс төсвийн нөхцөл байдал хүндэрвэл яах вэ гэдэг эдийн засгийн тооцоолол, төсөөлөл, бодлогоо төлөвлөж байгаа байх гэж найдаж байна.

-Энэ жил УИХ-ын ээлжит сонгууль болно. Намууд дотор нэр дэвшигчдийн сунгаа явагдаж байгаа нь мэдээж. Энэ талаар тодруулахгүй юу?

-Намууд нэр дэвшигчдээ хуулийн дагуу тавдугаар сарын эхээр тодруулах байх. Миний хувьд энэ бол намын л асуудал. Манай намын Удирдах зөвлөл, Бага хурал хуралдаж байж л сонгуульд нэр дэвшигчдийг тодруулна.

-Улстөрчдийг рейтингийн судалгаанд үндэслэж нэр дэвшүүлнэ гэдгийг МАН-ын дарга хэлсэн. Энэ бодитойгоор хэрэгжиж байгаа юу?

-Хэд хэдэн том судалгаанууд 2016 оноос хойш хийгдсэн. Одоо ч хийгдсээр байгаа. Намын удирдах зөвлөл судалгааныхаа дүнг харгалзан үзэж нэр дэвшүүлнэ гэж байгаа. Бид ч үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудлыг мэддэг хүн нь би биш учраас үнэхээр таамаглаж хэлэх боломжгүй байна.

-Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөд та ямар байр суурьтай байв?

-УИХ-ын намрын чуулганаар бидний хэлэлцсэн нэг чухал асуудал бол Сонгуулийн тухай хууль юм. 2015 онд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Аймаг, орон нутгийн тухай хуулийг нэг болгочихсон. Энэ хуулийг бид тус бүрд нь салгасан. УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар аймгууд жижиг тойрог байсныг нэг том тойрог болгосон. Энэ асуудлыг миний хувьд дэмжиж санал өгсөн. Жишээ нь, Ховд аймаг жижиг гурван тойрог байсныг нэг том тойрог болгосон. Ингэснээр аймгийн хөгжлийг цогцоор нь авч үзэхэд дөхөм. Тиймдээ ч Сонгуулийн тухай хуулийг улсын хөгжилд түлхэц өгөхөөр хууль боллоо гэж харж байгаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын дарга С.Эрдэнэ: Нэгэн жарны эхлэл болсон хулгана жилдээ зон олон маань энх тунх, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөж байна

-МОНГОЛ ХҮН АМНЫ БИЛГЭЭС АШДЫН БИЛГИЙГ ЭРХЭМЛЭДЭГ. БИД ЭНЭ БҮХ СОРИЛТЫГ АЖРАЛГҮЙ ДАВНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА-

“Хотол төгс” хэмээгч хулгана жил гарах гэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй товч ярилцлаа. Тэрээр урд хөршид халдварт өвчин дэгдсэнтэй холбогдуулан Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэж, иргэд дор бүрнээ хариуцлагатай байхыг уриалсан юм.


-Удахгүй Сар шинийн баяр тохиох гэж байна. Энэ жилийн хувьд өмнөх шигээ өргөн дэлгэр тэмдэглэхгүй нь тодорхой боллоо?

-Ер нь Цагаан сар бол Монголын ард түмний эрхэмлэн дээдэлдэг уламжлалт баярын нэг. энэ утгаараа олон зууны өмнөөс өргөн дэлгэр тэмдэглэж, айл хотлоороо учран золгодог уламжлалтай. Тэрчлэн хахир хатуу өвлийг даван туулж, урин цагтай энх золгосны баяр ч гэж үздэг. байгаль цаг уурын амаргүй нөхцөлд амьдардаг, жилийн дөрвөн улиралтай монголчуудын хувьд урин цагтай золгоно гэдэг бол байгалийн шалгарлыг даван туулсны, нас нэмсний баяр юм. Өөрөөр хэлбэл, хүндлэлийн баяр гэж ойлгодог доо. энэ утгаараа бид дор бүрнээ шинэ цаг тоолол эхэлж, урин цаг ирснийг бэлгэдэж, өтгөс дээдэстэйгээ золгохыг хүсч л байгаа. Харамсалтай нь, бид бүгдээс хамаарахгүй зүйл гэж бий. Өнөөдөр дэлхий ертөнц даяарчлагдаж, улс үндэстнүүд улам бүр бие биенээсээ хамааралтай болж байна. эдийн засаг, соёлын нийтлэг хамаарал гэх мэт зүйлээс шалтгаалж нэг улсад тохиолдсон гамшигт үзэгдэл бусад улсуудад ч нөлөөлж байгааг бид харж байна. Сар орчмын өмнө ази даяараа шахуу Цагаан сарын баяраа тэмдэглэсэн.

Өмнөд хөршид маань ч өргөн дэлгэр болсон байх.

Энэ үеэр титэмт вирусийн дэгдэлт гарч таарсан нь өнөөдөр олон улсад хөл хорио тогтоох, цар тахлын аюулын харанга дэлдэх хэмжээний эрсдэлд хүргэсэн. Тиймээс бид энэ алдааг давтаж болохгүй. Тодорхой хүрээнд цомхон ёслоод өнгөрөх нь зөв. Бид иргэний хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй.

-Таны хувьд хэрхэн шинэлэхээр төлөвлөж байна вэ?

-Гэр бүлийнхээ хүрээнд л тэмдэглэнэ дээ. Ээждээ золгоно, үр хүүхдүүд, ач зээ нар маань ирнэ. Тэгээд л болох байх. Үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулж, төр нь иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө болгоомжтой, сонор сэрэмжтэй хандах ёстой. Иргэд нь ч хариуцлагатай хандах хэрэгтэй. Титэмт вирус бол тоглоом биш. Агаар дуслаар халдварладаг аюултай өвчин. Тиймээс олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, хувийн ариун цэврээ дээд зэргээр сахиж, сахилга баттай байх нь чухал. Мэргэжлийн байгууллагын анхааруулга, сануулгыг дагаж мөрдөх нь хүн бүрийн үүрэг.

-“Хотол төгс” хэмээгч хулгана жил гарч, нэгэн жаран эхэлж байна. Энэ жилийн өнгийг та хэрхэн харж байна вэ?

-Хулгана жил он тооллын эхлэл гэдэг утгаараа онцлогтой. Эртнээс өвөг дээдэс маань хулгана жилийн онцлогийг шинжиж хэлж ирсэн байдаг. Түүгээр бол дэлхий дахинаа мөргөлдөөн зөрчил гарах эрсдэл их өндөр байдаг юм байна. нөгөө талаар эрдэм мэдлэг, эрх мэдэл, эд хөрөнгө ч их цуглуулдаг гэнэ. Энэ утгаараа бэлгэшээж, нөгөө талаас болгоомжилж байгаа хүмүүс ч байна. Миний хувьд бол монгол хүн амны билгээс ашдын билгэ гэдэг өвгөдийнхөө сургаалыг дагаж, энэ бүх сорилт бэрхшээлийг монгол түмэн маань ажралгүй давна, сайн цаг тун удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна. Тийм учраас нэгэн жарны эхлэл болсон хулгана жилдээ зон олон маань энх тунх, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөж байна. хүн гэдэг сэтгэлийн амьтан учраас сайн сайхныг бодож, дор бүрнээ хууль журмыг чандлан сахиж, эв эеийг хичээж, шинэ гарч буй жилдээ санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг дэвшүүлье.

Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Хадгаламжийн хүүг өгөхгүйгээр, зээлийн хүүг тэглэж болно

– ЭРХ БАРИГЧДАД СОНГУУЛЬД ЯЛАХ НЬ Л ЧУХАЛ БАЙНА –

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Та онцгой нөхцөл байдал бий болсон энэ үед зээлийн хүү, зээлийг тодорхой хэмжээнд түр зогсоох хэрэгтэй гэх санал гаргасан. Хуулийн хүрээнд энэ нь хэр боломжтой юм бэ?

-Монгол улсын иргэний хуульд давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үед гэрээний үүргийг хариуцахгүй байх боломжтой гэж тусгасан байдаг.

Энэ утгаараа хүмүүс ямар эрсдэл учирсан, яагаад зээл, зээлийн хүүгээ төлөх боломжгүй болсон гэдгээ нотолж, шүүхэд хандах боломж бий. Гэхдээ ийм байдлаар шүүхэд хүндрэл учруулах нь зохимжгүй. Угтаа зээл авагч болоод зээл өгөгч буруугүй. Гагцхүү энэ тохиолдолд төрийн зохицуулалт шаардлагатай гэж үзэж байна.

-Зээл, зээлийн хүүг зогсоосноор банкны салбарт хүндрэл үүсчих юм биш үү?

-Маш олон гарц байж болно. Жишээ нь, хадгаламжийн хүүг өгөхгүйгээр, тэрхүү 14 хувиараа зээлийн хүүг тэглэж болно. Хүний мөнгө авсан юм чинь зээлээ буцаалгүй л яахав. Гэхдээ ийм хүнд үед хүүгүй өгөх ёстой. Тухайн зээлийн гэрээ 10 сар үргэлжлэх байсныг 12 сар болгож, хугацааг нь шууд сунгачихаж ч болно. Зээлийн хугацааг дуусахад торгууль, хүү төлөхгүйгээр үндсэн зээлээ буцааж өгөх байдлаар шийдэж болно. Хадгаламж найдвартай хадгалагдах боловч энэ давагдашгүй нөхцөл байдлаас үүдэн хүүгүйгээр хадгалагдах нь гэдгийг иргэдэд ойлгуулах хэрэгтэй. Үүссэн нөхцөл байдлаас үүдэн банк ашиг олох боломжгүй болчихож байгаа учир ингэж шийдэж байгаа хэрэг. Энэ бүхний эрсдэлтэй байх эсэх, зах зээлийг судалгааг хийх хэрэгтэй. Өнөөдөр яг аль салбар нь хүнд байгааг олж тогтоож, төлөвлөгөө боловсруулан шийдвэр гаргах шаардлагатай байна. Шулуухан хэлэхэд энэ улс орны төлөө ажил хийхгүй байна.

-Олон улс, тэр дундаа БНХАУ эдийн засгийн нөхцөл байдалдаа хэрхэн анхаарч байна вэ?

-АНУ, БНХАУ зэрэг томоохон орнууд үүссэн эдийн засгийн нөхцөл байдалд авах арга хэмжээ, хөтөлбөрөө боловсруулаад явж байна. Мэдээж нэг өдөр коронавирусийн дэгдэлт намжиж, сайхан цаг ирнэ. Тэр үед олон улсын шинжтэй валюттай орнууд эрсдэлээс гарахад амархан. Тэд мөнгө үйлдвэрлээд л явчихна гэсэн үг. Гэтэл Монгол төгрөгийг дэлхийн хаана ч авахгүй. Юань, ам.долларыг дэлхийн бүх улс авдаг. рубелийг ч олон оронд валют гэж ашигладаг. Монгол Улс валют үйлдвэрлэдэггүй орон учраас илүү хүнд нөхцөл байдалтай нүүр тулахуйц байгаа юм. Хил хаасантай холбоотойгоор валютын хомсдол үүсэхийг үгүйсгэхгүй. Нөгөө талаар дотоодын үйлдвэрлэгчдийн нөхцөл байдал хүндэрнэ.Тиймээс өнөөдөр попорлоо зогсоох шаардлагатай байна. Тодруулбал, У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёрыг попорлоо зогсоо гэж хэлмээр байна.

Угтаа би өнөөдөр Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Банкуудын холбооны ерөнхийлөгчтэй уулзах ёсгүй. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар бүгдийг нь дуудаж уулзаад, хуралдаж байх ёстой юм. Харамсалтай нь Төрийн ордны гурван давхарт Г.Занданшатар гуайг олж харахгүй байна. Баянхонгор аймгийн Баацагаан сум явсан сурагтай. Баацагаан сумынхан маань тааралдвал энэ хүнийг ажлаа хий гэж хэлэх хэрэгтэй байна. У.Хүрэлсүх ч тэр Ерөнхий сайд хүн. Гэтэл өнөөдөр Сангийн сайд нь твиттерээр валентины баярын мэнд хүргээд сууж байх жишээтэй. Яахав валентин залуучуудад гоё л сонсогдох байх. Энэ үед У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар нар хамт сууж байгаад эдийн засгийн хувьд цаашид яах гарц гаргалгаагаа ярьж байх ёстой юм. Л.Оюун-Эрдэнэ сайд ч тэр Төрийн албаны зөвлөлтэй уулзаад сууж баймаар байна. Гэтэл Ганхуяг гэх залуутай машин дотроосоо шууд бичлэг хийж, хошин шог яриад сууж байж болохгүй. Боловсролгүй хүмүүсийг толгой дээрээ гаргахын зовлон энэ. Энтертаймент үзэхээс өөр юм алга. Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын хэмжээний асуудал бий болчихоод байна шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд эдийн засгийн аюулгүй байдлын талаар тусгасан байдаг. Энэ асуудлаар юу ч хийхгүй байгаа нь харамсалтай.

-Энэ чигтэй эдийн засгийн асуудалд анхаарч үзэхгүй байвал ямар хүндрэл үүсэх вэ?

-ДЭМБ бусад улс ор-нуудын томоохон мэдээллийн агентлагууд энэ өвчнийг тахал гэж нэрлээд байна. Хоёрдугаар сарын 13-нд гэхэд хамгийн өндөр тархалттай байлаа. Дөрөв, тавдугаар сард бүр ч аюултай хэмжээнд хүрч магадгүй гэж яриад байна. Тэгэхээр өвчин ороод ирсэн үед яах юм бэ гэдэг асуудаг яригдана. Хоёрдугаарт, өвчний тархалт намжсан дараагийн үед яах вэ. Энэ нь өөрөө хамгийн том асуудал болчихоод байна. Гэтэл улс орны төлөө юу ч хийхгүй байна. Хүмүүс намайг ярихаасаа илүү ажилла гэдэг юм. Ганцаараа, бие даагч шиг ажиллаж байгаа Баасанхүү энд ямар хамаатай юм. Өнөөдөр эрх баригчдад нь хэлээд, яриад, ажиллаа хийгээч гэж шаардаж байна. Гэтэл өнөөдөр алга. Сураг дуулах нь ээ Цагаан сараас өмнө шагналыг нь гардуулахаар яваа бололтой. Ингэж болохгүй. Миний санаа маш их зовж байна. Одоо улстөржих цаг биш. Улс төрийн эв нэгдлийн буюу хамтын хүчээр хүндрэлийг давах тухай ярих үе. Ний нуугүй ярихад Эрүүл мэндийн яам л ажил хийж байна.

-Эрх баригчид, өндөр албан тушаалтнуудыг улс төрөө тэргүүнд тавьж байна гэж харж байгаа хэрэг үү?

-Тэдэнд сонгуульд ялах нь л чухал байна. Сонгуульд ялагдвал шорон, гяндан хүлээж байгаа учраас тэр. Бүрэн эрхийнхээ бүхий л цаг хугацаанд хулгай хийчихлээ шүү дээ. Өнөөдөр ард түмэн ядуу, Ардын нам баян байна. Баян байгаа нь иргэдэд өгч буй бэлэг сэлт, хэвлэсэн ном, сэтгүүлээс л илт байна. Ядаж энэ хүнд үед ажлаа хийгээсэй л гэж хүсэх байна. Өнөөдөр онц дэглэм тогтоочихсон, цаашдаа юу болох нь ойлгомжгүй, хүн болгон айдастай байна. Монгол Улсын сүүлийн 60 жилийн түүхэнд болоогүй нөхцөл байдал үүслээ. Тодруулбал, бид Цагаан сараа тэмдэглэж чадахгүй байна. Энэ бүхнээс үүдэн сандарч байгаа хүмүүс нь жирийн ард түмэн л байгаа. Ард түмнийг ингэж хөсөр хаяхгүйгээр шуурхай алхам хийх шаардлагатай байна. Энэ хэдийгээ би мэддэг болохоор санаа зовоод байна л даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хувь заяа биднийг харзнаж сар илүү коронавирус илэрсэнгүй

Хувь заяа биднийг харзнаж Монгол Улсад сар илүү хугацаагаар коронавирус илэрсэнгүй. Хүн ам сийрэг, газар нутаг том, уур амьсгал сэрүүн учир энэ биз ээ. Ер нь бол судлаач, шинжээчид энэхүү вирус илрэх эсэх нь цаг хугацааны асуудал гэж үзэж байгаа юм билээ. Муу ёрлож байгаадаа ч биш, зах замбараагүй байвал илэрч мэднэ гэдгийг тэд хэлж байгаа юм. Угтаа тахал дэгдээгүй энэ сар илүү хугацаа бидэндээ бурхны бэлэг байлаа.

Харин бид энэ хугацааг үр дүнтэй ашиглаж чадаж байна уу гэвэл үгүй. Монгол Улсын удирдлага энэ боломжийг тултал нь ашиглаж огт чадахгүй байна. Зүгээр л хуучин, улиг болсон улс төрөө хийж байх шиг харагдана. Допингтой бөхөө яаж ч чадахгүй байснаа коронавирусийн дэгдэлтийг далимдуулж Цагаан сарын бөхийн барилдааныг хориглож ч байх шиг. Томуугаа дийлэхгүй алдсанаа цэцэрлэг, сургуульд хөл хорио тогтоож аргалж ч байх жишээтэй. Энэ мэт дүлэгнэсэн, бөөрөнхийлсөн, нялцгасан шийдвэрүүдийг их гаргаж байна.

Хамгийн шуурхай, шударга, эрс шийдэмгий, зоригтой ажиллаж байх учиртай Улсын онцгой комисс ч хурлаа хийж чадахгүй байна. Онцгой комиссын дарга ирц хүрэхгүй байна гэж уйлагнаж суухын сацуу пиджакныхаа өнгөтэй хослуулсан амны хаалт зүүж л гайхуулж байгаа харагдана. Үүнээс өөрөөр юу хийж, шийдэж байгаа юм бол доо.

Зүй нь “Өөх ч биш, булчирхай ч биш”-ийн адил Цагаан сар хийх, хийхгүйн хооронд юм ярьж, аргацааж байхаар зоримог шийдвэрүүд гаргах хэрэгтэй байна. Энэ өвчин илэрлээ гэхэд хэрхэх талаар зааж, зөвлөж, хүмүүсийн сэтгэл зүйг бэлдэх шаардлагатай. Аливаа хүнд бэрхийг даван туулахад нийгмийн сэтгэл зүй чухал үүрэгтэй. Өвчин илэрсэн үед хэрэгжүүлэх арга, тактикаа боловсруулах, үзүүлэн сургуулилтуудыг явуулах нь ч чухал байна. Бидний бага байхад Иргэний хамгаалалтын сургуулилт болж, аав, ээжүүд маань оролцдог байсныг мэдэх юм. Үүн шиг өвчин зовлон нүүрлэсэн тохиолдолд айж, тэвдэхгүйгээр хэрхэн тэрхүү нөхцөл байдлыг даван туулах талаар үзүүлэн сургалт хиймээр байна. Энэ ажилдаа хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийг хамруулж орон даяар түгээх нь зөв юм. Тэр бүрт гарсан алдаа дутагдлаа засаж, улам сайжруулах боломж олдож юу нь болохгүй байна, юу нь болж байгааг хэлж ярьдаг байх хэрэгтэй. Юу ч хийдэггүй хүн огт алддаггүйтэй адил бид хүнд үед иргэдэд тус дэм болох, хэрсүүжүүлэх нэг ч ажлыг эхлүүлэхгүй байгаа учир аль нь зөв, буруу болохыг ч тунгааж чадаагүй байна.

Ядаж л хүн бүрийг үнэтэй, үнэгүй маскаар хангана гэж хэрэлдэж байхын оронд өрх бүрийг хүнийхээ тоогоор гурван ээлжийн маск оёж, хэсгийн даргадаа шалгуулахыг уриалах хэрэгтэй. ХӨСҮТ-ээс баталж гаргасан стандартын дагуу хэдхэн ширхэг маск оёод гэр бүлийнхээ хэрэгцээг хангачихад юу нь болохгүй байх вэ. Бид ямар хүний төлөө амьд яваа биш, өөрийнхөө төлөө иймхэн юм хийж яагаад чадахгүй байна гэж. Тэгэхэд бид дэлхий даяар олдохгүй байгаа маскаар үнэгүй ханга гэж цээжээ дэлдэхдээ тултал эрх танхи болцгоожээ. Хэрвээ энэ тахал мөн л юм бол аюултай нөхцөл байдал үүссэн үед яаж амьдрах талаар айл бүрт бодитой сургалт явуулмаар байна. Өөрийнхөө амины төлөө өөрөө л тэмцэхгүй юм бол хэн бидний төлөө явах вэ дээ.

Цагаан сарыг хийх үгүй нь тодорхой бус дүлэгнэсэн шийдвэр гаргаж байхаас илүүтэй “Яг ингэж хийгээрэй” гэсэн үзүүлэн сургалт явуулж ч болно. Тэр бүрийгээ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд харуулж, сурталчилах нь илүү үр дүнтэй. Ил тод мэдээлж, үзүүлэн сургалт зарлаж, онцгой нөхцөлд байдалд өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн авч явах талаар өдөр, шөнөгүй бэлтгэл, сургалт хийх шаардлагатай байна. Гэтэл өнөөдөр хий дэмий худлаа цуурсан, цуурхалдаа итгэж солиорсон, ямар ч удирдлагагүй ард түмэн л байцгаана.

Монголын ард түмний тэн хагас нь Улаанбаатар хотод амьдарч байна. Улаанбаатарт энэ бүхнийг хэрэгжүүлээд эхлэхэд хөдөө, орон нутгийнхан дагаад л шуурна. Нийслэл техник, технологи, хөрөнгө мөнгөний бололцоо илүү учир эндээс эхлэх нь зүйтэй. Дээр дурдсанчлан хуучин социализмын үед хийж байсан Иргэний хамгааллын сургалтыг хийн хүмүүсийн сэтгэл санааг бэлтгэж, өвчин зовлонтой үед зохион байгуулалттай байж, биеэ хэрхэн авч явах талаар үлгэрлэж, тахлыг Монголд тархаачихгүй байх мэдлэгтэй болгох ёстой юм. Арав, аравтаар нь, хорь хорьтоор нь зохион байгуулахад ч болохгүй гэх зүйл алга. Ийм зохион байгуулалт, мэдлэг чадвартай байж л бид өвчин зовлонгоос эсэн мэнд үлдэж чадна.

Элдэв юм боллоо гэхэд хүмүүсийн хамгийн эхэнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг зааж, дадлагажуулах нь ч юу юунаас илүү чухал. Гэр хорооллын гудамж бүрт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх цэгтэй болж яагаад болохгүй гэж. Тахлын талаарх анхны мэдлэгтэй болж, яаж түүнээс урьдчилан сэргийлэх, яавал өвчин авчихгүй биеэ авч явахыг зааж сургах хэрэгтэй байна. Мөн анхан шатны тусламж яаж үзүүлэх, өвчтэй хүнтэй яаж халдвар авчихгүй харьцах, ямар утсаар, аль эмнэлэгт хандах зэрэг наад захын мэдлэг чадварыг яагаад зааж болохгүй гэж.

Карентин тогтоовол хоол, хүнсээ хаанаас яаж авах тухай ч хэлж, ярьж байхад гэмгүй. Хамгийн гол нь энэ бүх зүйлсийг соргогоор мэдэрч, өнгөрсөн сар хагасын хугацаанд иргэддээ ягштал ойлгуулчихсан байх байлаа. Энэ ээдрээтэй цаг үед улс эх орныг удирдах хашир, туршлагатай Ерөнхий сайдуудын зөвлөлийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дэргэд байгуулах ёстой талаар манай сонин мэдээлснийг та бүхэн харсан нь лавтай. Тэд ийм ханатай зүйлсийг хэрэгжүүлж чадах л байх. Дээрх бүхнийг сургаж, дадлагажуулж гэмээнэ ард түмэн эрсдэлийг давах чадвартай байх юм. Үүнийг ч энэ цөвүүн цаг шаардаж байна.

Тэгвэл бид ирэх бүхнийг ажралгүй хүлээн авахад бэлэн үү. Амны хаалт хүрэлцэхгүй нь гэх ард түмний дундах хэрүүл, Онцгой комиссын дарга амны хаалтаа пиджактайгаа хослуулж гангарснаас өөрийг бид хийв үү. Үнэхээр бид олдсон энэ нэг сар гаруйн хугацаанд юу ч хийж гийгүүлсэнгүй ээ. “Энх цагт хөлс их гарвал дайны цагт цус бага гарна” гэх хуучны лут үг бий. Эрүүл саруул байгаа, хугацаа олдсон энэ үед бэлтгэлээ сайтар базаавал өвчин зовлонг хохирол багатай давах биш үү. Хамгийн гол нь энэ нялцгай ард түмнээ хэрсүүжүүлэх, хашир суулгах, бусдын өмнө биш юм аа гэхэд гэр бүлийнхээ өмнө, ядаж өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх сэтгэлийн хаттай болгох хэрэгтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

А.Ундраа: Эрсдэлийн менежмэнтийн талаар Засгийн газар тодорхой шийдвэр гаргах байх гэж найдаж байна

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.


-Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор төрөөс тодорхой арга хэмжээнүүд авч ажиллаж байна. Ерөнхийлөгчийн зүгээс Цагаан сарыг тэмдэглэхгүй байх зарлиг гаргалаа. Эдгээрт таны байр суурь ямар байна вэ?

-Улсын онцгой комиссоос цагаан сарыг тэмдэглэхгүй байхаар шийдэж, Ерөнхийлөгч ч мөн ийм зарлиг гаргалаа. Эдгээр алхмуудыг зөв гэж бодож байна. Цагаан сар гэх зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоох нь коронавирусээс урьдчилсан сэргийлэх маш том алхам болно. Тиймдээ ч дээрх шийдвэрүүдтэй санал нэг байгаа гэдгээ хэлмээр байна. Гадны зарим хэвлэлд коронавирус БНХАУ-д маш их хурдацтай тархаж байсан нь удааширч эхэлсэн, тархацыг хяналтдаа авч чадсан гэж мэдээлж байна. Нөгөө талдаа бусад улс орнуудад, жишээ нь өнөөдөр Английн хэвлэл мэдээллийн хэрэгслээр коронавирусийн дэгдэлт гуравдугаар сарын дундуур хамгийн оргил үедээ хүрнэ гэж мэдээллээ. Угтуулж урьдчилан сэргийлэх арга хэмжээ ч авч байна. Аюул өнгөрөх яагаа ч үгүй байгаа учир бид анхааралтай, хянамгай байдлаа бууруулж хэрхэвч болохгүй.

-Коронавирус гарсантай холбоотойгоор гуравдугаар сарын 2-ныг хил хааж, нүүрсний экспорт хийхийг хориглоод байна. Энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Таны хувьд нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ?

-Мэдээж эдийн засгийн үр нөлөөг ярихгүй байж болохгүй. Хэн ч ийм нөхцөл байдлыг урьдчилан тооцоолоогүй. 2020 оны төсөв алдагдалтай батлагдсан. Тиймдээ ч миний хувьд тэтгэврийн зээл тэглэх асуудалд анхнаасаа эсрэг байр суурьтай байсан юм. Санхүүгийн сахилга бат, гадаад валютын нөөц, банк санхүүгийн салбарыг эрүүл хүчтэй байх, цаашдын хөгжлийн суурь болох зэрэг асуудлуудтай холбоод үзэхэд тэтгэврийн зээлийг интервенц хийх нь урт хугацаандаа сөрөг үр дагавартай гэж харсан хэрэг. Энэ байр суурь минь одоо ч хэвээрээ.

2020 оны нэгдүгээр сарын төсөөлөл дээр нэмэгдэж гарч ирж байгаа хүндрэл нь энэхүү эдийн засгийн бэрхшээл. Цагаан сар тэмдэглэхгүй болсонтой холбоотойгоор бизнесийнхэнд маш хүнд цохилт ирж, орлого нь огцом буурна.

Нарантуул зэрэг томоохон худалдааны төвүүдэд бизнес эрхлэгчид бараа, бүтээгдэхүүнээ нөөцөлчихсөн, хамгийн их борлуулалт хийх цаг үеэ хүлээж байгаа. Тэдний зарим нь зээл авч бараагаа авсан нь дамжиггүй. Тэдгээр бизнес эрхлэгчид банк бус санхүүгийн байгууллага, lend.mn зэрэг санхүүгийн хэрэгслүүдээс зээл авсан байна.

Өдрийн зээл авсан нь ч цөөнгүй. Тиймээс борлуулалт эрс багасвал бизнес эрхлэгчдэд хүнд, зээлээ эргэн төлөхгүй байх, хоцрох нөхцөл байдал үүсч, санхүүгийн зах зээлд бас ачаалал ирэх вий гэх болгоомжлол байна. Нөгөөтэйгүүр нүүрсний экспортыг зогсоосноос үүдэн гадаад валютын нөөц огцом буурч ханшид нөлөөлөх байдал үүснэ. үүнтэй холбоотойгоор бид эдийн засгийн хямралыг давж гарах богино хугацааны арга хэмжээнүүдийн төлөвлөгөөг яаралтай гаргах хэрэгтэй. эрсдэлийн менежмэнтийн талаар засгийн газар тодорхой шийдвэр гаргах байх гэж найдаж байна. Өөрөөр хэлбэл, зарим тендерүүдийн эхлэх хугацааг хойшлуулах, түр зогсоох, валютын нөөцийг хямгадах, хэмнэлтийн горимд шилжих, зайлшгүй хэрэгцээт зардлуудыг төлөвлөн бусдыг нь хоёр, эсвэл гурван сараар хойшлуулах шаардлага үүссэн гэж харж байгаа. эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд бидний тооцоолж байснаас амаргүй гарахаар нөхцөл байдал үүсээд байна.

-Чуулган завсарласан энэ хугацаанд намууд мөрийн хөтөлбөр дээрээ ажиллаж байгаа юу?

-Намуудын мөрийн хөтөлбөр шат шатандаа боловсруулагдаж байна. МАН-ын бүлэг гишүүдээс мөрийн хөтөлбөрт тусгах саналыг авч байгаа. Гишүүн бүр өөрийнхөө харьяалагддаг Байнгын хороо, түлхүү ажиллаж ирсэн чиглэл, орон нутгийн онцлогоос хамаарсан саналуудыг илэрхийлж байна. Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө олон нийтээс цахимаар нээлттэй санал авч байгаа харагдсан. Миний хувьд ийм нээлттэй хандлагыг зөв зүйтэй гэж харж байгаа. залуусын дуу хоолой, идэвхтэй санал шүүмжлэл нэн хэрэгтэй байна.

Манай намын зүгээс 2016 оны мөрийн хөтөлбөртөө үнэлэлт дүгнэлт өгч байна. Ямар амлалтуудаа биелүүлэв, юуг орхигдуулав, учир шалтгаан нь юу байв гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх цаг үе л дээ. Нийслэлийн тухайд Аз жаргалтай Улаанбаатар хөтөлбөр 90 гаруй хувийн хэрэгжилттэй байгаа юм билээ. Гэсэн ч олон нийтийн зүгээс шүүмжлэх байдал ажиглагдаж байна. Ямар ч байсан дүгнэж цэгнэх гэж оролдож байгаа нь сайн хэрэг. Тэгж байж бид юу хийж чадав, цаашид юу хийх вэ гэдгээ харна. Ямартаа ч утаагүй болох том төлөвлөгөөний ноён нурууг гаргаж чадсан гэж үзэж байгаа. Мөн нийгмийн чиглэлийн асуудлуудыг сайтар шийдсэн. Ахмад настны болоод залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Ахмадууддаа насны хишиг олгох, цалинтай ээж хөтөлбөр, тэтгэврийг тэгшитгэх зэрэг асуудлуудыг боломжийн хэмжээнд шийдсэн. Бид ахмадуудын эрхийн тухай анх удаа ярьж эхэллээ шүү дээ. илүү таатай, баяр хөөртэйгөөр урт удаан амьдрах тухай, амьдралын чанарын асуудлыг авч үзэж байгааг дэвшил гэж харж байгаа. Аливаа зүйлийг шүүмжлэх амархан. хийсэн зүйлээ хийснээр нь ярих нь зөв зүйтэй.

-Нам, бүлэг дотор ирэх сонгуулиар хэнийг нэр дэвшүүлэх талаар яриа өрнөж байгаа байх. Одоогоор шийдэгдсэн зүйл бий юү?

-Нийгмийн зүгээс нэр дэвшигчид хэн байх эсэхт ихээхэн анхаарал хандуулж байна. Манай намын тухайд энэ асуудал дээр судалгаа хийгдэж, нам дотор нэр дэвшигчдийн сунгаа явагдаж байна. Гэхдээ энэ бүхэнд дүгнэлт өгөхөд эрт байна. Тавдугаар сар хүртэл олон янзын таамгууд хэвлэлээр болон олон нийтийн сүлжээгээр явж таарах байх.

-Баянгол дүүргийн нэг мандатыг хассан. Сөрөг хүчний зүгээс нийслэлийн мандатыг цөөлсөн эрх баригчдын энэ үйлдлийг дэмжихгүй байгаагаа хэлж байгаа. Таны хувьд энэ шийдвэрийг дэмжиж байв уу?

-Нийслэлийн тойргоос сонгогдсон гишүүний хувьд нийслэлийн мандатын тоог хасах бус бүр нэмэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Нийслэлд тулгамдаж буй асуудал, түүний улсын эдийн засагт гүйцэтгэдэг үүрэг оролцоо зэрэг олон асуудлыг шийдэхийн тулд Уи х дахь нийслэлээс сонгогдсон төрийн төлөөлөл, хууль тогтоогчдын жин нэмэгдэх ёстой гэж үздэг юм. Гэхдээ ардчиллын зарчим нь олонхынхоо шийдвэрээ дагадаг учиртай. хэдий би эсрэг байр суурьтай байсан ч дийлэнх олонх нь орон нутгийн тойргийг нэмэх сонирхолтой байсан учир шийдвэр тэгж гарсан.

-Та одоогоор ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?

-Шинжлэх ухаан технологийн тухай хууль дээр ажиллаж байгаа. Шинжлэх ухааны байгууллагуудад хийж байгаа судалгааны эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нь яаж илүү сайжруулах бололцоо байна вэ гэх асуудлаар ШУА-ийн удирдлагууд, их, дээд сургуулийн захирлууд, эрдэмтдийн хүрээнд цомхон байдлаар зөвлөлдөж байна. зөвлөлдөж, ярилцаж хуулиа чамбайруулахыг зорьж байна.

-Манай эрдэмтдийн чадвар чансаа олон улсад төдийлөн гологдоод байдаггүй гэдэг. Гэсэн ч төрөөс бодлогоор дэмждэггүйтэй холбоотойгоор хийсэн судалгаагаа ажил хэрэг болгох бололцоо нь хомс юм шиг санагддаг. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Төсвийн хоёр хувийг шинжлэх ухаанд зориулна гэж мөрийн хөтөлбөрт тусгасан хэрнээ энэ заалтаа биелүүлээгүй л дээ. Угтаа тэрхүү гаргаж байгаа зардал эргээд мэдлэгийн хуримтлал бий болгодог. Тэр эрдэмтэд, технологийн салбарынхан дараа, дараагийн эдийн засгийн хөшүүр, мотор болж, оюуны чадамжийг зузаатгаж байдаг. Тиймдээ ч гарч байгаа зардлыг ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт гэж харах ёстой юм.

Шинжлэх ухаанд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээ нэмэгдээгүй гэдэг нь ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж чадаагүй байна гэсэн үг. эдийн засаг түүхий эдийн экспортоос хэт хамааралтайг мэдрэх энэ цаг үе шинжлэх ухааны талаарх байр суурь, ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалт хийхийн чухлыг улам бүр нотолж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Мөнхтүшиг: Уханиас оюутнуудаа авчрах асуудалд Гадаад харилцааны яам маш ухаалгаар ажилласан

– САЙДЫН ЗҮГЭЭС УХАНЬ ДАХЬ ОЮУТНУУДЫГ НИЙТЭД ИЛ ТОД БИШ, ЧИМЭЭГҮЙХЭН АВЧРАХЫГ ҮҮРЭГДЭЖ БАЙВ –


Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигтэй ярилцлаа.

-Коронавирусийн голомтоос иргэдээ эх оронд нь авчирсан улс орнуудын нэн тэргүүнд манайх орж байгаа юм билээ. Энэ ажлыг зохион байгуулах үйл явц анх хэрхэн эхэлсэн юм бэ?

-Коронавирус хүнээс хүнд халддаг болох нь нэгдүгээр сарын 2-ны үед тодорхой болсон. Иймд бид нэн даруй БНХАУ-д байгаа монголчууддаа мэдээлэл өгөх, илүү өндөржүүлсэн бэлтгэлтэй ажиллах чиглэлийг өгсөн. Засгийн газар нэгдүгээр сарын 26-ны өдөр ээлжит бус хуралдаан зарлаж, Гадаад харилцааны яаманд хоёр чухал чиглэл өгсөн. Нэгдүгээрт, Уханиас буюу коронавирусийн голомтоос монголчуудаа авчрах, хоёрдугаарт, хилийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх, энэ тухай гадны улсуудад дипломат шугамаар мэдэгдэж шийдвэрлэх үүрэг өгсөн юм. Гэхдээ энэ асуудлыг зөвхөн Засгийн газрын хуралдаан дээр ярьсан юм биш. Нэгдүгээр сарын 23-наас Уханьд хөл хорио тогтоож, гадагш хөдөлгөөн хориглосон юм. Үүнтэй холбоотойгоор манай Бээжин дэх Элчин сайдын яам тэнд байх бүх монгол оюутнуудыг бүртгэлжүүлж, нарийн тоог нь авч, эх орондоо буцах хүсэлтэй байгаа эсэхийг нь судалж, аюулгүй байдлаа хэрхэн хангаж байгаа, цаашид хэрхэн сэргийлэх талаар заавар зөвлөгөөг өгч ажиллаж байв. Засгийн газрын хуралдаанд оролцохоос өмнө бид Монголын авиа компаниудад хандаж Ухань руу нислэг үйлдэхэд гарах зардал, үүнтэй холбоотой бэлтгэл ажлуудын талаар анхан шатны мэдээллийг аваад эхэлсэн. Засгийн газрын хуралдаанд бэлтгэлтэй, мэдээлэлтэй оролцсон гэсэн үг .

-Засгийн газрын шийд гарсан даруйд иргэдээ авах асуудлаар БНХАУ-ын талтай холбогдсон уу?

-Тийм. Нэгдүгээр сарын 26-нд буюу ням гаригт шийдвэр албажсан даруйд бид Хятадын талд иргэдээ авах хүсэлтэй байгаагаа дипломат шугамынхаа нот бичгээр мэдэгдсэн. Тухайн үед нөхцөл байдал амаргүй, хөл хориотой холбоотойгоор Япон, Солонгосоос иргэдээ авах тухай ч яригдаж байв. Мөн Уханьд байх оюутнуудын ар гэрээс бидэнд маш их хүсэлт тавьж байсан. Бид нэгдүгээр сарын 27-нд иргэдээ авах хүсэлтийг тавьж, БНХАУ-ын Гадаад яамтай тасралтгүй ажилласан. Нарийн тоо нь гараагүй ч иргэдээ авах хүсэлт илгээсэн олон орон байсан л даа. “Олон орон хүсэлт илгээсэн байгаа. Хөл хориотой нөхцөл байдал үүссэн учир амаргүй байгаа шүү, ойлгоорой. Гэхдээ танай оюутнуудад туслахыг хичээх болно” гэдгийг Хятадын тал хэлж байлаа.

Ерөнхий сайдын зүгээс нислэгийг МИАТ компанийг хариуцахыг үүрэгдсэн юм. Бид энэ нэгдүгээр сарын 27-ноос эхлээд нислэгийн хэд хэдэн хувилбарыг гаргаж, Хятадын талд хүргүүлсэн. Зөвшөөрөл гарлаа л бол явах баг, бүрэлдэхүүнийг бэлэн байлгахад анхаарч байсан хэрэг.

-Нислэгийн бүрэлдэхүүнийг хэрхэн шилж сонгосон бол?

-МИАТ компани нислэгээ хариуцаж байгаа боловч тэрхүү хөл хорио тогтоосон газар дээр онгоцны багтай хамтраад оюутнуудыг онгоцонд суулгах үүссэн асуудлуудыг зохицуулах баг томилох шаардлагатай болсон. Иймд даваа гаригт Гадаад харилцааны яаманд шуурхай ажлын хэсэг байгуулагдаж явах багийн хүмүүсээ тодорхой болгосон. Яамнаас Консулийн газрын гуравдугаар нарийн бичгийн дарга Т.Бат-Орших хэмээх хятад хэлтэй залуугаар ахлуулсан гурван хүнтэй багийг томилсон. Дээрээс нь ЭМЯ, ХӨСҮТ-тэй холбогдон багийн бүрэлдэхүүнд хоёр эмчийг оролцуулж нисэх багаас гадна нийт таван хүнтэй тусгай баг бүрдүүлсэн. Бид бүх бэлтгэлийг бүрэн хангасан.

Онцолж хэлэхэд, Ухань хот маань өөрөө хөл хориотой байсан учраас оюутнуудыг онгоцны буудал руу яаж хүргэх, тэр хугацаанд өвчнөөс хэрхэн сэргийлэх гэх мэт олон амаргүй асуудлууд үүсч байсан. Энэ үед Бээжин дэх Элчин сайдын яам, Консулын хэлтэс, нийт баг бүрэлдэхүүн цаг наргүй ажилласан. Ухань дахь Хятадын Ардын засгийн ордны Гадаад харилцааны албаар дамжуулан тэнд байгаа автобусны түрээсийн компанитай холбогдож, зардал мөнгийг нь шийдэн хөлсөлсөн юм. Тэнд нийт 250 гаруй монгол оюутан суралцдагаас Хятадын Цагаан сарын амралт таарч 33 хүн л үлдсэн байв. Бид бүгдээс нь “Та эх орондоо буцах хүсэлтэй байна уу” гэдгийг бичгээр асууж, хүсэлтийг баталгаажуулсан юм.

-Гадаад харилцааны сайд БНХАУ-ын Гадаад харилцааны сайдад захидал илгээсэн. Захидалд юун тухай өгүүлсэн бэ?

-Тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар Норвеги улсад ажлын айлчлалтай, эзгүй байсан. Гэсэн ч яамнаас хүсэлт тавьчихсан байсны дагуу Д.Цогтбаатар сайд БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-д захидал илгээсэн. “Энэ хэцүү үед Хятадын ард түмэн, Хятадын Засгийн газрын зүгээс гаргаж байгаа хүчин чармайлтыг үнэхээр ойлгож, хүндэтгэж байна. Хятадын ард түмэн энэ хүнд өвчнийг ялан дийлнэ гэдэгт итгэлтэй байна. Манай иргэдийн ар гэрийнх нь хүсэлтийг хүндэтгээд бидний иргэдээ авахыг хүсэлтийг шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэдгийг захидалдаа дурдсан. Магадгүй энэ захидал тун чухал үүрэг гүйцэтгэсэн болов уу. Бид энэ бүгдийг олон нийтэд мэдээлээгүй. Учир нь дипломат алба гэдэг төрийн тусгай алба. Бидний хийж буй ажлаас ярих боломжтой нь байдаг ч огт ярьж болохгүй зүйлс ч олон бий. Тэр утгаараа бид Засгийн газраас өгсөн үүргийг биелүүлж, өндөржүүлсэн бэлтгэлтэй ажилласан.

-Хятадын талаас хэдийд иргэдээ авах боломжтой болсон гэдгийг хэлсэн юм бэ?

-Нэгдүгээр сарын 31-ны өдөр буюу баасан гаригт Хятадын Гадаад харилцааны яамнаас холбогдож “Та бүхэн маргааш нислэг хийх боломжтой юу” гэж асуусан. Бид тэр даруй бэлтгэл хангаж байтал “Боломжтой бол өнөө шөнөдөө ирээд иргэдээ авч болно” гэсэн. Бидэнд нэгэнт ийм хугацаа өгсөн учир явах багийн бүрэлдэхүүнийг бэлэн болгож, тэр шөнөдөө ниссэн. Энд зөвхөн Ухань явах нислэг, тусгай багтай холбоотой зохицуулалтуудыг ярьж байна. Онц, ноцтой гоц халдварт өвчний голомтоос иргэдийг авчирч байгаа гэдэг утгаараа үүнд төрийн бүхий л байгууллагууд оролцсон.

-БНХАУ бол бидний мөнхийн хөрш. Энэ хүнд үед найрсаг харилцаандаа сэв суулгахгүйгээр иргэдээ авч чадсан нь Монголын дипломат бодлогын эв дүй, чадавхыг харуулсан үйл явдал боллоо гэж харж байна. Тухайн үед Хятадын талаас “Бид чадна. Та бүхэн бидэнд итгэ” гэж байсан гэдэг нь үнэн үү?

-Хятадын Гадаад яамнаас Бээжинд суугаа гадны бүхий л Элчин сайдын яамны төлөөллийг урьж, хуралдсан. Хятадын Засгийн газрын зүгээс коронавирусийн тархалтын эсрэг ямар арга хэмжээ авч байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулж, иргэдээ голомтоос авъя гэсэн орнуудад хандаж “Тэвчээртэй байгаарай. Бидэнд итгэж болно. Хэрвээ үнэхээр иргэдээ авна гэвэл бид боломжоороо тусална” гэдгээ илэрхийлж байв. Гэхдээ бид цаашид нөхцөл байдал яаж ч эргэхийг мэдэхгүй байсан учир ар гэрийнх нь хүсэлтийн дагуу оюутнуудыг авчрах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн.

Таны хэлсэнчлэн бид мөнхийн хөрш, 4700 гаруй км-ийн хуурай замын хилтэй. БНХАУ нийтдээ 14 улстай хиллэдэг. Тэр дотроос манай улсын хил хамгийн урт нь. Тэгэхээр бид иж бүрэн стратегийн түвшинд харилцдаг хөрш улстайгаа аль болох ойлголцож, зовох цаг нь тусалж, дэмжиж хандах нь маш чухал. Үүн дээр Гадаад харилцааны яам маш ухаалгаар, бүхий л нөхцөл, хүчин зүйлийг олон талаас нь харж, олон нийтийн айсан, эмээсэн сэтгэл зүйг давж ажилласан.

-Уханиас оюутнуудыг авчрах үйл явц нийгэмд ил тод өрнөсөн. Гэхдээ энэ асуудлыг нууцлах ёстой байсан гэх юм. Энэ хэр бодитой мэдээлэл вэ. Нууцлах ёстой шаардлага нь юу байв?

-Гадаад харилцааны сайдын зүгээс Ухань хотоос оюутнуудаа авч ирэх үйл ажиллагааг аль болох олон нийтэд ил тод биш, чимээгүйхэн хэрэгжүүлэхийг үүрэгдэж, анхааруулж байсан. Учир нь энэ нь дэлхий нийтийг хамарсан онц ноцтой нөхцөл байдал. Оюутнууд маань ч суралцдаг газраа улсаараа түрий барьж, сүр дуулиан болж, Хятадын талдаа, бусад орны оюутнуудын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх вий гэдэг талаас нь бодсон. Тиймдээ ч энэ үйл ажиллагааг аль болох олон нийтэд мэдээлэхгүйгээр, чимээгүйхэн хийх үүргийг сайд өгсөн. Тухайн үед манай яамны зүгээс тодорхой процессийн талаар л хэвлэлийн мэдээ гаргаж байв.

-Дээр дурдсан оюутнуудыг түрээсийн автобусаар онгоцны буудал дээр авчирсан уу?

-Түрээсийн автобус хөлсөлж зургаан их, дээд сургуульд тархсан байсан оюутнуудыг хуваарь гаргаж, зохион байгуулалттайгаар онгоцны буудалд авч ирсэн. Эндээс онгоц нисэхэд л тэнд эхний оюутнуудыг авч эхэлсэн юм. Бүх оюутнууд онгоцны буудалд ирснээс авахуулаад хилээр гарсны дараа хүртэл эрүүл мэндийг үзлэгт орсон. Оюутнуудыг авчрах тухай ярихад иргэд дургүйлхэж байсан. Угтаа оюутнууд сургууль дээрээ өдөр бүр үзлэгт хамрагдаж байсан. Оюутнуудыг авчрах тухай аль болох олон нийтэд мэдээлэхгүй байх зорилгын цаана эдгээр 33 иргэдийн аюулгүй байдлыг хангах асуудал байсан юм. Тэдгээр оюутнуудын нэр, ус, хувийн мэдээллийг задалбал янз бүрийн нөхцөл байдал үүсч болзошгүй гэж үзсэн хэрэг. Учир нь тэднийг авчрахын өмнөхөн Хятадын хил нээгдэхэд орж ирсэн монголчуудыг Чойр хотод авчрахад янз бүрийн асуудал үүссэн тохиолдол гарсан талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм. Анзаарсан бол 33 иргэнийг авчрахдаа аль болох царайг нь тод харуулахгүйг хичээж, аюулгүй байдлыг хангах үүднээс хувийн мэдээллүүдийг нь нууцалсан.

Энэ үйл явдал нь манай улсын гадны оронд онц ноцтой нөхцөл байдал үүссэн үед өөрийн иргэдээ эх орондоо нүүлгэн шилжүүлсэн анхны тохиолдол. Тэр утгаараа энэ нь бидэнд туршлага, гарын авлага болж үлдэнэ гэж бодож байна.

-ОХУ манайхаас долоо хоногийн дараа иргэдээ авсан юм билээ. Тэд хэрхэн иргэдээ авчирсан талаар асууж лавласан зүйл бий юү?

-Манай улсаас өмнө Япон, Австрали, АНУ гэх мэт улсууд иргэдээ авсан. Энэ бол уралдаан биш ч манай улс иргэдээ авсан эхний 10 улсын тоонд орсон. МИАТ-ийн онгоц Ухань хотын онгоцны буудал дээр буухад олон улсын онгоц цөөнгүй буучихсан, иргэдээ авахаар ирсэн байв. Энгийн бус хөл хориотой үе, дээрээс нь олон орны иргэд байсан учир бүртгэл хийгдэхэд багагүй хугацаа орж, Улаанбаатарт буух төлөвлөсөн цагаасаа дөрвөн цагаар хоцорч ирсэн. Бид онгоц газардсанаас нисэх хүртэл бүхий л хугацаан дахь мэдээллийг авч байлаа. Иргэдээ гадны иргэдээс аль болох тусдаа байлгаж, болзошгүй эрсдэлээс хамгаалж ажилласан. Арай ахмад оюутнаараа ахлуулж, үүрэгжүүлж, бүх мэдээллийг өгч, зохион байгуулалттай ажилласан юм. Ний нуугүй хэлэхэд, манайхыг иргэдээ авчирсны дараа зарим орноос манай Бээжин дэх Элчин сайдын яаманд хандаж, “Та бүхэн энэ ажлыг яаж хурдан шуурхай зохион байгуулж чадав” гэх зэргээр туршлага судалсан зүйл бий.

-Хятадын хил нээгдсэнээс хойш манай улсын хичнээн иргэд эх орондоо ирсэн бэ?

-Нэгдүгээр сарын 28-нд Хятадын Цагаан сар дуусч, хил нээсний дараагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд зөвхөн хуурай замаар буюу Хятадтай хиллэдэг боомтуудаар 6000 монгол иргэн орж ирсэн. Үүнээс 3900 орчим иргэнийг Эрээн дэх Консулын газар, Хөх хот дахь консулын газар маань ХХЕГ, Онцгой комисс, салбар комиссуудтай хамтран газар дээр нь шийдвэрлэж, эх орондоо буцахад нь дэмжлэг үзүүлж ажилласан. Мөн энэ үеэр Консулын газруудад Хятадад олон жил хууль бусаар амьдарсан, хөдөлмөрлөсөн, визний хугацаа хэтрүүлсэн маш олон тооны иргэд хандсан юм. Бид онцгой нөхцөл байдлыг харгалзаад эдгээр иргэдийн асуудлыг нааштайгаар шийдвэрлэх хүсэлтийг Хятадын талд тавьж ажилласан. Энэ хүрээнд 50 гаруй иргэнийг 520 мянга гаруй юанийн торгуулиас чөлөөлүүлж чадсан. Үүнийг монгол төгрөгөөр илэрхийлбэл 200 гаруй сая төгрөг шүү дээ. Энэ хэмжээний төлбөр хураамжийг чөлөөлүүлж чадсанаар иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлсөн гэж бодож байна. Бид энэ бүхэнд Хятадын талд талархал илэрхийлсэн.

-Бүжинлхам гэх охиныг Уханиас БНСУ-руу зугтсан гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-Олон нийтийн сүлжээгээр л тарж буй үндэслэлгүй, ташаа мэдээлэл шүү. Энэ талаар Сөүл дэх Элчин сайдын яамнаас ч тодруулга авсан. Эрээнээр вирусийн халдвартай 37 иргэн гарсан байна гэх ташаа мэдээлэл ч гарсан. Бид өөрсдөө энэ тал дээр их болгоомжтой хандах ёстой. Коронавирус туссан цөөнгүй иргэд Эрээнээс орж ирэх нь гэх худал мэдээлэл ч гарсан. Эрээнд коронавирусийн нэг л тохиолдол гарсан. Тэрээр Бээжингээс Москвагийн чиглэлд Монгол Улсаар дамжин өнгөрөхөөр төлөвлөж байсан хятад иргэн юм. Түүнийг Эрээнээс Замын-Үүд рүү гарахаас нь өмнө Хятадын тал илрүүлж тусгаарласан. Тэрээр 14 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд бүрэн эдгэрээд гарсан. Хятадын тал энэ халдварыг гадны улс оронд тараахгүй байх үүргийг ДЭМБ-ын өмнө хүлээсэн. Энэ үүргээ маш сайн хэрэгжүүлсэн онцгой чухал жишээ нь энэ юм. Гэтэл манайхан олон нийтийн хэрэгслээр ташаа мэдээлэл түгээж, эргээд хоёр улсын найрсаг харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсгэж байна. Ор үндэслэлгүй мэдээллийг тарааж, ард иргэдийг Хятадын эсрэг турхирч байгаа нь өөрөө хортой үр дагавартай гэдгийг ойлгох хэрэгтэй. Манайх руу хятад иргэд ихээр орж ирж байна гэдэг ч худал мэдээлэл. Энэ хугацаанд хятад иргэд манай хилээр орсон нь гарснаасаа бага байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эцэг бүхэн гэртээ Есүхэй баатар байдаг

Эцэг хүн гэдэг гэр бүлийн бахархалт эрхэм байдаг. Чингис хаанд эцэг Есүхэй нь бахархалт нэгэн байсантай адил, аав бүхэн үрдээ яг л тийм. Хүүдээ, охиндоо, ханьдаа тэр дахин олдошгүй баатар. Хэцүү цагт өмгөөлж хамгаалан, тэжээн тэтгэж, зам мөрийг нь холч ухаанаараа чиглүүлэгч, өмөг түшиг болж, үргэлжид үлгэрлэх бахархалт нэгэн бол хүний эцэг мөнөөс мөн. Үүнийгээ ч эцэг хүн ухаарч, сэхээрсэн байдаг. Тэр гэр бүлийнхээ төлөө амиа өгөхөөс ч буцахааргүй их сэтгэлийн тэнхээтэй оршдог. Үлдэх үр минь байгаа хойно гэсэн өег бодол нь түүнийг цатгачихдаг хэрэг. Энэ бодол хийгээд үр хүүхэд, хань ижлийнх нь өөрийг нь гэх сэтгэл түүний бахархал юм. Эцэг хүний бахархал, энэ үнэт зүйлийг нийгэм даяар үгүйсгэж, гутаан доромжлох явдал олонтаа харагдах болжээ. Эр хүн ийм зүйлд их эмзэг байдаг юм.

Саяхан болсон нэг эмгэнэлт явдал үүний тод жишээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулын арын аманд мод тайрч байсан иргэдийг шийтгэж байгаа нэрийдлээр Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн асан П.Шинжээравдан модоор балбасан. Түүнийгээ бахтай нь аргагүй цахим орчинд тарааж, зодуулж байгаа аав гэр бүлийнхээ өмнө ичгэвтэр байдалд орлоо. Энэ явдлын дараахан мод бэлтгэж байсан иргэдийн нэг нь амиа хорлолоо. Үр хүүхэд, хань ижлийнхээ өмнө ичгэвтэр байдалд орсон тэр тэссэнгүй бололтой.

Ер нь ч сүүлийн үед цахим орчинд хувь хүмүүстэй холбоотой янз бүрийн бичлэг цацагдах болжээ. Хамгийн сүүлд л гэхэд хар тамхинд мансуурсан жүжигчин залуу ээжийгээ зодож, танхайрч байгаа бичлэг цацагдлаа. Ээж нь хүүхдэдээ зодуулах шиг гутамшиг байдаггүй. Гэхдээ амьдралд ийм зүйл мэр сэр болдог. Үүнийгээ бусдад ярьж, харуулдаггүй ёстой юм шүү дээ. Эх хүний хамгийн эмзэг зүйл энэ. Гэтэл тэр бичлэгийг нийтэд цацаж эх хүний эрхэмсэг оршихуйг гутаан доромжилж байгаа нь яаж байгаа юм бэ. Эх болгон гэртээ Өүлэн эх байдаг юм шүү дээ.

Үүгээр зогсохгүй Н.Номтойбаярын зодооны бичлэг цацагдаж танхай, балмад буриадаараа дуудуулав даа. Тэрээр “Ядаж яс, үндсээр минь битгий доромжил, буриад хүн бүр балмад байдаггүй юм шүү” хэмээн учирлаж ч харагдана лээ. Оймсондоо мөнгө нуусан залуугийн бичлэг ч цахим орчинд шуугиан дэгдээж, түүнийг нийгэм даяар хараан зүхсэн. Түүний айж сандарсан, гэм буруугаа ухаарсан, өнөөхөө нуухчаа аядаж байгаа бичлэгийг АТГ-ынхан цацсан. Бодох нь ээ түүнд эцэг, эх, хань ижил, үр хүүхэд байдаг л байх даа.

Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг салаавч гаргаж орилж буй бичлэг задарч, Монгол Улсын төрийн тэргүүн байсан шүү дээ гэх халаглалыг гадна, дотны олон мянган хүнд төрүүлсэн. Энэ хүн Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн. Ерөнхийлөгч байж улс удирдаж явсан хүний эго ямар байх билээ. Энэ хүн ямар байсныг бид ч мэднэ. Монгол Улсын хаан гэгдэж байсан хүн шүү дээ. Энэ бүгдийг нь гутаан доромжилж, төрийн хүнд суртал, дарангуйллын хатуу улаар нуга дэвсэлж, өөрийн ухаанаа алдсан үед нь бичлэг хийж, тэд тараасан.

Ингэж бичлэг задалж хэн нэгнийг гутаан доромжлох нь буруу. Бичлэгийг задалж тараагаад байгаа хүмүүс хүний эрхэмсэг оршихуйг хөндөж байгаагаа мэддэггүй хэрэг үү. Хүн гээч угаас өөрийнхөө сүүдэртэй талыг бусдаас нуухыг хүсдэг. Хүнд муугаа харуулах дургүй. Тэгвэл хүн ямар үед ичмээр муухай ааш араншин гаргаж, нууж байсан төрх байдлаа илтгэдэг вэ. Хүн маш ихээр айж, ичиж, өөрийн ухаангүй сандарч, тэвдэж байх үедээ муу муухай бүхнээ ил гаргадаг. Учир нь энэ үед хүний амьтнаас ялгардаг ухамсар гээч зүйл нь алга болж, адгууслаг зөн нь бий болдог юм. Энэ бол хүн төрөлхтний жам.

Айсан, ичсэн, хүчинд автсан энэ үед нь санаатай байдлаар бичлэг хийж олон нийтэд тараах нь хүн гээч амьтны эрхэмсэг оршихуйг гутаан доромжилж буй хэрэг. Хүний хамгийн их нуудаг ааш авираа ил гаргасан тэр бичлэг хүмүүст мартагддаггүй. Ямар ч үед хүмүүс түүнийг үүгээр нь л шоолдог.

Миний дээр дурдсан бүх тохиолдолд төр, цагдаа хүчний байгууллага хийсэн бичлэг байсан. Харин тэдгээрийг АТГ, цагдаа, прокурорын байгууллагаас зориудаар, бодлоготойгоор тарааж байна. Ингэж тэд иргэдийг дээрэлхдэгээ харуулж “Бид ийм хүчтэй шүү” гэж ард түмнийг сүрдүүлж, “Бидний үгэнд орохгүй бол та нарыг ч энэ мэтээр шившиглэх болно” гэж анхааруулж, бас өөрсдийгөө ажил хийсэн гэж зөвтгөж байгаа байх.

Тэртэй тэргүй хууль шүүхээр шийдэгдэх нь ойлгомжтой байхад мөрдөн байцаалтын явцад олсон энэ бичлэгүүдийг задалж, цахим орчноор тараах нь нөгөө хүнийг давхар яллаж байгаа хэрэг. Энэ бол гэмт хэрэг юм. Одоо биш юм аа гэхэд зургаан сарын дараа энэ мөрдөн байцаалтын нууц задруулсан гэх гэмт хэрэг болно. Угтаа одоогийн эрх баригчид тэр дундаа Галшар чигээс угшилтай нөхөд АТГ, цагдаа, прокурорт өөрдсийнхөө хүмүүсийг тавьчихаад дуртай бичлэгээ сугалж, нийгэмд цацаж байгаа юм. Энэ удаан үргэлжлэхгүй ээ. Сонгуулийн дараа бүгд солигдоход хийсэн үйлдэл тань гэмт хэрэг болох болно гэдгийг дахин хэлье.

Categories
мэдээ цаг-үе

Арван нэгэн доктортой 10 “А” анги

“Эдний ангийнхан суугаад сурчихсан байдаг юм. Ийм л хүүхдүүд юм сурна даа” гэх цагаахан атаархлыг бусад багш нартаа төрүүлж явсан Цэмээдэй, Рагчаадорж багш нартай Ховд аймгийн нэгдүгээр арван жилийг 1991 онд төгссөн 10 “А” бүлэг өнөөдрийн “Нэг ангийнхан” буланд оролцож байна.

Бага ангийн багш Цэмээдэй нь тэдэнд хичээлдээ маш анхааралтайгаар сууж сурахыг заадаг байв. Тэд багшаасаа номыг нь ч, номхоныг нь ч сурч чаджээ. Харин Рагчаадорж багшийнхаа “Та нар минь дөлгөөхөн, мөн ямар ч зүйлд буурь суурьтай хандаж, сайтар нягталж, ард нь заавал гарч байгаарай” гэсэн үгсийг ч өдгөө санан биелүүлсээр явдаг байна. Тиймдээ ч энэ ангиас 11 эрдэмтэн доктор төрөн гарсан биз ээ. Тухайлбал, Хэл шинжлэлийн ухааны доктор Д.Бадамноров, Газарзүйн шинжлэх ухааны доктор Б.Баярхүү, Хэл шинжлэлийн ухааны доктор Ч.Соёлмаа, Хэл шинжлэлийн ухааны доктор Ц.Ичинхорлоо, Эдийн засгийн ухааны доктор Б.Батбямба, Химийн шинжлэх ухаан доктор Д.Ганчимэг, Физикийн шинжлэх ухааны доктор Ц.Цэрэнгомбо, Ж.Лхагвасүрэн. Ш.Жаргалсүрэн, Э.Оргилмаа, Математикийн шинжлэх ухааны доктор Д.Отгонтуяа нар юм. Эдийн засаг, математик, хэл шинжлэл, хими, физикийн салбарт докторуудтай болохын сацуу Хөнгөн атлетикийн спортын мастер С.Цэрэнжамц, аймгийн заан, волейболын спортын мастер Р.Цогтдалай, волейболын спортын мастер Д. Бадамноров, Д.Отгонбаяр, Т.Хандмаа, Д.Наранцэцэг гэсэн зургаан спортын мастертай байна.

Аймгийн заан, волейболын спортын мастер Р.Цогтдалай “Манай анги бол спортлог хамт олон байлаа. Тухайн үед заал одоогийнх шиг элбэг байгаагүй ч хашаа, гудамжаараа нийлээд, хоёр шонгийн хооронд олс татаж байгаад л тоглодог байлаа. Өөрсдөө шийд босгож сагс тоглох нь ч энүүхэнд” гэсэн тэдний дурсамжаас энэ хамт олны спортлог байсныг ч бэлхэнээ харж болохоор байгаа юм.

Мөн тэрээр “Бид өвөл нь гол дээр гулгадаг байлаа. Машин яваад дагтаршсан гудамжны мөс бидэндээ хоккейн талбай байв шүү. Тэр мөснийхөө хоёр талд цүнхнүүдээ тавьж байгаад л гутлын савны дугуй хайрцагт шороо хийн хоккей тоглодог байлаа. Дулаан орохоор резин бөмбөгөөр маатаг тоглоно доо. 13-ын жижиг бөмбөг олж аваад л тоглоно. Өнөөх бөмбөг хэр барагтай олдож өгөхгүй ээ. Хэн, хаашаа явна тэр болгонд “Ээ дээ нэг бөмбөг л аваад ирээрэй” гэж аминчлан захина. Ховор нандин байсан болоод ч тэр үү бөмбөгтэй хүүхэд од байлаа. Бидний үед РС, цахим тоглоом гэж байсангүй. Энэ ч бидэнд хүүхэд насны дурсамж бүрээ хамтдаа бичилцэх, хамт олон ч чанарыг бий болгох боломжийг олгосон гэж боддог доо” хэмээв. Тэд одоо ч спортлог хэвээрээ юм билээ. Энэ талаараа ч “Лүүк Монголиа” ХХК захирал, Бразил улсын өргөмжит консул Т.Баттулга “Бид долоо хоногтоо заавал нэг удаа заал авдаг. Энэ уламжлал улам өргөжин 2007 оноос эхлэн үе үеийнхний дунд тэмцээн зохиодог болсон. Одоо бүр гурван насны ангиллаар явагдаж байгаа” гэж байлаа.

“Konplott” ХХК-ийн захирал Ч. Алтантуяа дурсахдаа “Монголын пионерийн байгууллага гэж байдаг байлаа. Бүлгийн дарга, бүлгэмийн зөвлөлийн гишүүн гэж ч байв. Заавал сурах арван бүжгээ сурцгааж, таван онцын эзэн болохын төлөө мэрийдэг байж дээ. Энэ мэтчилэн сурагчдын дунд маш олон үйл ажиллагаа зохиогддог байсан даа” хэмээн дурссан юм. Хүүхдүүдэд хөдөлмөрийн амт шимтийг мэдрүүлж, ажлын дөртэй болгоход ногоо хураах, хөрзөн ховхлох ажлууд чухал нөлөөтэй.

10 “А” ангийнхан ч ногоо хураалтад явж, сурагч ахуй насны гэгээн дурсамжаа зузаалжээ. Энэ үеийнхээ хөгтэй, хөөртэй явдлын талаар “Konplott” ХХК-ийн захирал Ч.Алтантуяа “Галаа, Бадрах, Буд бид дөрөв нэг групп болсон юм. Галаа, Бадрах хоёр хаанаас ч юм нэг консерив олчихож билээ. Тэд “Та хоёр ажил дуусахад наадахаа задалчихсан байгаарай” гэчихээд яваад өгөв өө. Бид хоёрт тэр консервыг задлах төмс хураахаас ч хэцүү байж билээ. Үзүүртэй чулуунд үрээд л байлаа онгойх шинж ч алга. Сүүлдээ гар, хуруу улаан эрээн болчихсон байж билээ” хэмээн инээд алдах нь тэр. Зуны чилийсэн гурван сар дуусч, хичээл сургууль эхлэхийг хүүхэд бүхэн л мөрөөснө. Ангийнхан минь өндөр болоо болов уу, зуны амралтаараа юу хийж амжуулаа бол гэх гэнэн цагаан бодол тэднийг эзэмддэг нь нууц биш. Дунд ангид ороход ангийн хөвгүүд ёстой сөөм, сөөмөөр өсдөг сөн. Тэд ч ангийн хөвгүүн, өдгөө Улсын заан Хилчин спорт хорооны дарга Ц.Мягмарсүрэнгээ ийн өссөн болохыг гайхан ярьцгаах аж. Арга ч үгүй биз, нэгээс гуравдугаар ангидаа бие жижиг байсан хөвгүүн тавдугаар ангид ордог жилээ дэнхийсэн том эр болчих нь гэж хэн санах билээ.

Ховдод хар мод тэр бүр байдаггүй учир Увс аймгийн Цагаанхайрханаас мод бэлтгэдэг байж. Тэд завсарлагаан болов уу үгүй юү сургуулийн дотуур байрны бэлдсэн модон дээр болжмор шиг л сууцгаадаг байсан аж. Давирхай авч бохь болгон зажлах гэж байгаа нь тэр гэнэ. Энэ тухайгаа “Давирхайгаа зуугийн хадаасаар цохиж байж авдаг байж билээ. Авсан давирхайгаа бүтэн өдөржингөө зажилна. Гадны орныг зорьсон ах, эгч нар бохь авчирна. Тэр нь бидэндээ нүдний гэм. Хэдэн өдөр л зажилдагсан” хэмээн дурсацгааж байлаа.

Хүүхдүүд л болсон хойно сахилгагүйтэх, хэрэг тарих явдал олонтаа тохиох нь дамжиггүй. Энэ ангийнхан ч түүнээс хол зөрсөн нь үгүй. Энэ тухай Р.Цогтдалай “Сум бүрт мал аж ахуй дээр суурилсан нэгдэл гэж байлаа. Манайд бол газар тариалан дээр суурилсан Минжбулган хоршоолол, жимсний аж ахуй байсан юм. Монголд жимс үйлдвэрлэл миний мэдэхийн хоёроос гурав л байсан санагдана. Тухайн жимсний аж ахуйн дарга нь аав минь байсан юм. Тэнд би ажилтай юм шиг өдөр бүр л очдог байж билээ. Хаана нь ямар жимс ургадгаас эхлээд бүгдийг л гарын арван хуруу шигээ мэддэг байв. Нэг удаа ангийнхныгаа дагуулаад л тийш зүглэлээ дээ. Алимны нэлээн хэдэн мод байдаг байсан. Алимны хэд хэдэн сорт байсныг ч мэдэх юм. Тэр дотроос бидний усан болор гэж нэрлэсэн маш зөөлөн, базах юм бол шууд л шүүс нь асгардаг жимс байдаг байлаа. Барагтай л бол худалдаанд гарахгүй. Гарлаа ч ёстой л өдрийн од шиг л үзэгдэнэ. Ангиараа нийлсэн нөхдүүд өнөөхийгөө л олж идэхийг зорьж байгаа юм.

Ном, дэвтрээ элсэн дотор булчихаад л хоосон цүнхээ үүрээд гол гатлан жимсний талбай дээр очлоо. Алимныхаа модны яг доод талд нь очиж явтал, хүүхдүүдийн зүрхэнд орсон Шар Баатарсүрэн гэх манаач ахтай тааралдчихдаг байгаа. Бид ч тал тал тийш зугтацгаалаа. Эргээд хартал Баатараа ах морьтойгоо яг миний араас явж байна шүү. Би ч баригддагийн даваан дээр “Би байна аа” гэж хэлж аврагдсан ч орой нь ааваасаа анх удаа таван салаа боов хүртэж билээ” гэж дэггүйтэж явсан дурсамжаа сөхлөө.

Тэр үеийн хүүхдүүдийн хайр сэтгэлээ нуулгүй илчлэх талбар нь захидал. Энэ л жишгээр ангийн хөөрхөн охин Бадамноровт хайрын захиа илгээж байсан бол өдгөө тоонот гэрт толгой холбож, нэгэн гэр бүл болсон талаараа Р.Цогтдалай мөн дурссан юм. Түүнчлэн энэ ангиас Пүрэвжамц, Туяа, Амарсайхан, Батчимэг, Дашзэвэг, Батцэцэг, Баярхүү, Нямдорж нар гэр бүл болцгоожээ.

10 “А” ангийнхан 2016 онд нутагтаа 25 жилийнхээ ойг тэмдэглэсэн байна. Тэд цаг товлон Ховд аймгийнхаа төв талбай болох Ард Аюушийн талбайд уулзацгааж, “Магсаржав” кино театртаа кино үзэж хүүхэд ахуй насаа дурсжээ. Сурагч үедээ тэд энэхүү театртаа кино үзэж, киноны хальс солих хооронд шүгэлдэх нь шүгэлдэж, алга таших нь ташиж, цаас толгой дээгүүрээ шидэлцэж багагүй шуугиан дэгдээдэг байж. Энэ л дэггүй гэгээн үеэ нэхэн санахын тулд тус театрыг онцгойлон зорьсон нь тэр аж.

Тэд 1991 онд хамт сургуульд орсон нэг үеийнхэнтэйгээ анги хамт олон мэт тун ойр өссөн аж. Тиймдээ ч нэгнийхээ зовлон, жаргалтай үед хамтдаа байж, түшиг тулгуур болцгоодог гэсэн. Улаанбаатар хотод цуглавал 100 шүргэж, Ховд аймагтаа бол 300-лаа цуглацгаадаг байна. Нэг үеийнхнээрээ нийлж “Бүрэн хайрхан” гэх сан байгуулжээ. Сангийнхаа хуримтлалаар жил бүр 6-12 дугаар ангийнхны дунд англи хэл, физик гэсэн хичээлээр олимпиад зохион байгуулдаг байна. Энэ арга хэмжээ нь хүүхдүүдэд хичээлдээ дурлах, тэмцэх зан чанар суулгах зорилготой гэдгийг тэд онцолж байсан юм.

Х.БАТМӨНХ

Categories
мэдээ цаг-үе

Ж.Ганбаатар: СӨХ-г татан буулгавал орон сууцнууд эзэнгүйднэ

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг та санаачилсан гэдэг нь үнэн үү. Уг хуулиар Сууц өмчлөгчдийн холбоог татан буулгах гэж байгаа юм уу?

-Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн учраас энэ хуулийг ямар нэгэн байдлаар Ж.Ганбаатар гишүүнтэй холбоё л гэж бодсон шиг байгаа юм. Учир нь СӨХ-үүдийн асуудал сонгуульд нөлөөлөх магадлалтай гэж хүмүүс бодоод байна л даа. Үүгээр далимдуулж Ж.Ганбаатарын нэр хүндэд халдъя гэж бодож байх шиг. Угтаа энэ хуулийг Барилга хот байгуулалтын яамнаас 2019 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр УИХ-д өргөн барьсан. Засгийн газар УИХ-ын гишүүнтэй хамтарч хууль өргөн барина гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Энэхүү хуулийн хэлэлцэх эсэх нь чуулганы хуралдаанаар дэмжигдэж, Эдийн засгийн байнгын хороонд шилжиж л ирсэн юм. Тус байнгын хорооноос ажлын хэсэг гараад ажиллаж байгаа ч тодорхой байр суурин дээр нэгдээгүй байна. Нуулгүй хэлэхэд гишүүд уг хуулийг дэмжихгүй байгаа. Учир нь Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд СӨХ-нуудыг татан буулгах асуудал тусгагдчихсан юм. Миний хувьд энэ хуулийг санаачлах нь битгий хэл 100 хувь эсэргүүцэж байгаа. СӨХ-ны үйл ажиллагаанд өөрчлөлт оруулахдаа аль болох ард иргэдтэй ойр ажилладаг болгох ёстой.

-Тэгэхээр СӨХ-ны үүргийг хэн гүйцэтгэнэ гэсэн үг вэ?

-СӨХ-г татан буулгаж Орон сууцны конторт нэгтгэнэ гэж байгаа юм. Миний хувьд орон сууцны контор СӨХ-ноос илүү сайн ажиллана гэдэгт итгэхгүй байна. Харин ч орон сууцнууд эзэнгүй хаягдана. Орон сууцны контор СӨХ-ны үүргийг гүйцэтгэдэг байхад орон сууцнуудын орц, хонгил үнэхээр аймшигтай байсан. СӨХ бий болсноор ядаж л орц, контороо цэвэрлэж, жижиг гэлтгүй үүссэн асуудлуудыг зохицуулаад явах болсон.

СӨХ-г үнэхээр мундаг ажилладаг гэж хэлэхгүй ч өнөөдрийн энэ шийдэл нь маш буруу. Харин ч энэ хуулиар СӨХ-ны үйл ажиллагааг хэрхэн сайжруулах вэ гэдэгт илүүтэй анхаарах ёстой юм. Оршин суугчдаас хураагдсан төлбөрийг үйл ажиллагаандаа хэрхэн зөв зүйтэй зарцуулах, түүнийг нь хэрхэн хянах вэ гэдэгт л энэ хууль чиглэх учиртай.

-СӨХ-г ийнхүү гэнэт татан буулгах гээд байгаа шалтгаан нь юу вэ?

-Үнэхээр хэлж мэдэхгүй юм. Үүнийг Х.Баделхан сайдаас л асуух хэрэгтэй байх.

-СӨХ-д цөөнгүй иргэд ажиллаж амьдралаа залгуулдаг. Тэдгээрийн эрх ашиг ч хөндөгдөх нь ээ дээ?

-Яг үнэн. Тэр хүмүүсийг ажилгүй болгоод л, ажил албыг нь Орон сууцны контор өөртөө нэгтгээд авчихаж байна гэсэн үг.

-Оршин суугчдаас СӨХ төлбөр авдаг. Хэрэв уг хууль батлагдвал Орон сууцны контор тэрхүү төлбөрийг авах уу. Ямар зохицуулалтаар явах вэ?

-Одоогийн зохицуулалтаар тэрхүү шимтгэл, хураамжийг Орон сууцны контор хураан авна. Орон сууцны контор гэдэг хүнд сурталтай, олон хүнтэй байгууллага байдаг. СӨХ тус байгууллагад шилжсэнээр оршин суугчдын төлөх мөнгө, иргэдэд ирэх ачаалал улам нэмэгдэнэ. Үүнийг 100 хувийн баталгаатай хэлж чадах байна. Одоогийн хуулиар Орон сууцны контор нь ус дулаан, цахилгаантай холбоотой асуудлуудыг хариуцдаг. Үүн дээр нэмээд СӨХ-ны засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, ногоон байгууламж, ашиглалт, цэвэрлэгээ зэргийг хариуцах нь байна л даа. Уг байгууллагад тийм хүч, бололцоо туршлага ч байхгүй. Миний хувьд энэ хуулийг Засгийн газар эргэн татаж авах байх гэж бодож байна.

-Эрх баригч нам хотын мандатыг цөөлсөн. Сөрөг хүчний зүгээс МАН хотод ялалт байгуулж чадахгүй гэж үзсэн учир ийн шийдсэн гэж байна. Мандатыг цөөлсөн энэ шийдвэр зөв үү?

-Сонгуулийн тухай хуульд тойрог, мандатыг хуваарилахдаа хүн ам, газар зүйн байрлал, хэмжээг харгалзах ёстой талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос тайлбарлаж байна лээ. Зарим гишүүд үзэл бодлоо хэрүүлийн маягтай илэрхийлж байгаа харагдсан. Яахав миний хувьд Улаанбаатар хотоос сонгогдож байгаа гишүүдийн тоо бага байна гэдэгтэй санал нэг байгаа. Гэхдээ энэ асуудлыг нэгэнт бүлгээр шийдчихсэн. Энэ тохиолдолд буруу, зөв гэж шүүхэд хэцүү.

Үүнтэй холбоотойгоор манай Баянгол дүүрэг улсын хэмжээнд хамгийн том тойрог болсон гэдгийг хэлье. Баянгол дүүрэгт гурван мандат оногдсон. Нэг мандатад нь 78 мянган иргэн оногдож байгаа. Нэг мандатад оногдох улсын дундаж хэмжээ нь 46 мянган иргэн юм билээ.

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталсан. Уг хуулиар сонгогчдод тодорхой ирцийн босго тавиагүй, дээрээс нь сонгуулийн үйл ажиллагааг 20:00 цагт хаахаар зохицуулжээ. Энэ нь ямар учиртай юм бэ?

-УИХ болон Ерөн-хийлөгчийн сонгуульд тийм зохицуулалт ороогүй гэдгийг онцлон дурдах нь зүйтэй байх. УИХ-ын гишүүд өөрсдөдөө зориулж ийм хууль баталсан зүйл байхгүй. Орон нутгийн сонгуульд олон улсын жишгийг дагах ёстой гэх байр суурь давамгайлсан юм билээ. Тодорхой ирц тогтоогоогүй шалтгаан нь өмнөх сонгуулиудтай холбоотой. Өмнө нь орон нутгийн сонгуулийн ирц хүрдгүй байсантай холбоотойгоор үргүй зардал их гардаг байсан. Хоёр, гурван удаа сонгууль явуулдаг газрууд ч байдаг. Тиймдээ ч ирцгүй болгох шийдвэрийг зөв гэж үзэн дэмжсэн. Харин 20:00 цагт сонгуулийг хаах болсон нь сонгогчдод мөнгө, архи дарс өгдөгтэй холбоотой гарсан шийдвэр гэж байгаа.

-Эрх баригчид Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хаалттай хуралдааны үеэр ил болон далд санал хураалт явуулсан. Санал хураалтын дүн эрх баригчдыг багагүй эвгүй байдалд оруулсан. Үүнд та юу хэлэх вэ?

-Юу хэлэх вэ дээ. Миний хувьд тэр хүн муу, би мундаг гэж ярих дургүй. Энэ нь миний уг зарчим биш юм. Тиймдээ ч би энэ тухай хариулж чадахгүй нь, уучлаарай.

-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 30 хувьд IPO хийх асуудал царцсан байдалтай байна. Угтаа ажил хэрэг болгосон бол улс эх оронд болоод эрх баригчдын нэр хүндэд ч хэрэгтэй байсан юм биш үү?

-IPO-той холбоотой асуудал Их хурал руу орж ирээгүй байна. Яахав Уул уурхайн сайдтай энэ асуудлаар нэлээд зөрөлдөж байгаа. Ил гаргахгүй зүйлүүд ч байна. Уул уурхайн сайдаас 100 хувь хамаарахгүй зүйлүүд ч бий. Монгол Улсын өөрийнх нь эдийн засгийн чадамжтай холбоотойгоор Засгийн газар шийдвэр гаргахад хэцүү зүйлүүд ч байгаа. 2011, 2012 он шиг Монгол Улсыг сонирхож байгаа үед энэ зүйлийг хийхэд их амархан гэж харсан. Өнөөдрийн хувьд дэлхий нийтэд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж байна. Хөрөнгө оруулалт хийхдээ хүмүүс маш болгоомжтой хандаж байх шиг байна.