Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрүүл мэнд, эдийн засаг хоёрыг эн тэнцүү байлгах хэрэгтэй бололтой

Коронавирус дэлхий даяар дэгдэж, 168 улсад тархан 8800 гаруй хүний амь насыг авч одлоо. Зарим улс оронд коронавирусийн дэгдэлт ид үргэлжилж байгаа учир энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Өчигдөр БНХАУ-д коронавирусийн нэг ч шинэ тохиолдол бүртгэгдээгүй бол Итали улс 475 хүнээ алдсан харамсам мэдээтэй байлаа. Дэлхийн зарим улс орнууд коронавирусийг цар тахлын хэмжээнд хүрнэ гэж огтхон ч төсөөлөөгүйн дээр хор уршгийг нь хөнгөнөөр үнэлсэн учир ийнхүү барьц алдаж байх шиг. Нөгөө талаар тэд эдийн засгаа балалчих вий гэсэндээ өнгөрсөн хоёр сар гаруйн хугацааг алдчих шиг боллоо.

Ямартаа ч өнөөдөр Баруун Европ коронавирусийн голомт болчихлоо. Энэ үед тэдний эрх баригчдын мэдэгдлүүд хамгийн их сонирхол татаж байна. Испанид л гэхэд өндөр настнууддаа эмнэлгийн тусламж үзүүлэхээ больж, залуусаа л эмнэлэгт хэвтүүлэн эмчлэхээр шийдсэн. Герман улсын канцлерь Ангела Меркель герман хүн бүрийн халдвараас сэргийлэх зарчимд олон хүний дунд орохгүй байх, өндөр настнууд зэрэг эмзэг бүлгийн хүмүүстэй ойр харилцахгүй байхыг дурдсан.

Англи улс өвчин бол хүмүүсийн л асуудал, бид эдийн засгаа л нэгдүгээрт тавина хэмээсэн. Харин АНУ эрүүл мэнд, эдийн засагтаа тавь, тавин хувийн анхаарал хандуулах бодлого барина гэдгээ илэрхийлсэн юм.

Ингээд харахад аль нэг тал руу хэлбийх нь амьдралд нийцэхгүй юм шиг, эдийн засгаа л авч үлдэнэ гэх байр суурь нь харгис мэт сонсогдож байна. Гэхдээ энэ бол дэлхий дээр тэсч үлдэх гэсэн арга яах аргагүй мөн. Эдгэх магадлалтай, ажиллах хүчийг бүрдүүлэх залуусаа эмчилж, тэдний хүчээр эдийн засгаа өндийлгөж, урагшлуулахыг тэд зорьж байгаа хэрэг. Тэртэй тэргүй насны эцэс болсон хөгшчүүдийг эмчилж, эдийн засагтаа ачаа нэмэхгүй гэсэн санаа. Эдгэлээ ч тэд ажил хийж, улсад татвар төлөн эдийн засагт нэмэр болох биш гэж харж байгаа нь гарцаагүй биз. Тэдний байр сууриас ийм бодлого баримтлагдаж байгаа нь уншигдаж байна.

Дээрээс нь хөгжингүй орнууд эдийн засгаа нэн тэргүүнд анхаарах болсон шалтгаан нь иргэдийнхээ амьжиргааг таслахгүй байх явдал. Олон ядуу хүмүүс энэ дэлхий дээр үлдвэл тэд тахал гарсан үгүйгээс үл шалтгаалж үхэх л болно. Өлсөөд, хоолоо булаацалдаж дайтаад, эм тангаа авч, өөрийгөө тордож чадахгүйгээр л талийна. Харин тэдний оронд ажилтай орлоготой, амьдрах чадвартай нь үлдвэл хамгийн наад зах нь эм тангаа авч, шим тэжээлтэй хоол унд олж идэж, эрүүл мэндийн дэглэмээ сахиж, эмх замбараатай байж чадна. Тиймдээ ч иргэд ажил орлоготой байж чадвал хорогдол гарлаа ч бид цааш удаан “алхана” гэж үзэж байгаа бололтой.

Манай улсын хувьд эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьсан. Бид хоёр сар гаруйн хугацаанд хөл хорионд байлаа. Энэ нь иргэдийнхээ эрүүл мэндийг бодсон алхам болсон ч эдийн засгаа гаргуунд нь хаясан үйлдэл болов. Өвчний дэгдэлт гаралгүй хоёр сар тэссэн ч сүүлийн үед эрсдэл улам нэмэгдсээр байна. Гадны улс орнуудаас иргэдээ тусгай үүргийн онгоцоор зөөсөөр л байна. Өнөөдрийн байдлаар тэдгээр иргэдийн дундаас коронавирусийн зургаан тохиолдол илрээд байгаа юм.

Засгийн газрын зүгээс эдийн засгийн асуудлыг огт хөндөхгүй байсан бол энэ үед ярьж эхэлж байна. Эдийн засгийн асуудлыг ярья гэсэн ч яриад байх зүйлгүй болсон юм л даа. Эдийн засгийн хувьд 90 хувийн хамааралтай оршдог урд хөрш маань өвчиндөө баригдаж, бүхий л талаараа зогсонги байдалд орчихсон байхад бид юу ч ярих билээ. Тиймдээ ч бид эрүүл мэнддээ л онцгой анхаарал хандуулах шив дээ. Харин одоо БНХАУ-ын нөхцөл байдал хавьгүй дээрдэж, хөдөлж эхэлж байна. Манайх энэ л үед эдийн засаг, эрүүл мэнд хоёроо эн тэнцүү авч явах хэрэгтэй бололтой. Коронавирусийг хянаж болдог тахал гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэлж байгаа. Иймд бид хувийн зохион байгуулалт, сахилга баттай байж, эрүүл мэндийн дэглэмээ дагаж мөрдөн өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Мөн эдийн засгаа орхигдуулахгүй байх шаардлагатай байна. Аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэр, уурхай, үйлчилгээний газрууд бүгд ажиллаж, эрүүл мэндийн дэглэмээ ч сахих хэрэгтэй хариуцлагатай цаг үе иржээ. Урьдынх шиг цалгар, назгай ажиллаж, өвчин тусвал тусна л биз гэж гэдсээ илээд хэвтэх аргагүй болж, бүгдээрээ огт өөр ойлголт, дэглэмтэйгээр ажиллах хэрэгтэй байна.

Ер нь коронавирус эрдэмтдийн хэлж байгаачлан дараа дахин гарч болзошгүй, маш хорлонтой өвчин. Тэгэхээр цаашдаа энэ мэт тахлууд байн байн дэгдэж дэлхийн хэм хэмнэлийг өөрчлөх шинжтэй байна. Одоо гэхэд зан заншил, амьдралын хэв маяг, наргих цэнгэх, уулзаж учрах гээд бүхий л зүйлсийг өөрчилчихлөө. Олуулаа цугларах аливаа үйл ажиллагаа асар эрсдэлтэй болж хувирлаа. Үй олноороо цуглаж бүжиг, наадам хийж, үзвэр үйлчилгээ үздэг цаг ч ард хоцрох нь. Энэ мэтчилэн бид огт төсөөлөөгүй хэв маяг руу шилжихэд ойрхон ирээд байна. Орчин үед том хотуудыг задлах нөхцөл байдал ч үүсэв үү гэлтэй. Дэлхийн хөгжингүй томоохон хотууд руу шуурч, тэндээ амьдрахыг эрмэлздэг байдал ч дуусч байх шиг байна. Түүний оронд олон жижиг хотуудад тархан суурьшиж, дор дороо довоо борлуулж амьдрах цаг ойртсон бололтой. Хоорондоо хянаж болохуйц хэдхэн сувгаар харилцдаг болохыг ч үгүйсгэх аргагүй юм. Илүү эмх замбараатай, сахилга баттай байж гэмээнэ хүн төрөлхтөн вирусийг тэсч үлдэх магадлалтай болж байна. Цаашид хүн төрөлхтөн тэсч үлдэх гэвэл эдийн засгаа ч авч явах, эрүүл мэндээ ч хянаж байх ганцхан зам үлдэж байх шиг байна. Тэгэхээр манай орон ч мөн адил эрүүл мэнддээ тавин хувь анхаарч, эдийн засгаа ч тавин хувь анхаарах нь л зөв гарц бололтой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Бумдарь: Хөл хорио үргэлжлэх тусам иргэдийн таньж мэдэхгүй нэгнийг сонгох хүсэл нь буурна


МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.


-Бие даагч болон шинэ хүмүүсийг гаргах хөдөлгөөн юунаас эхтэй талаар ярилцлагаа эхэлье?

-Бие даагч гэх ойлголт өөрөө парламентын сонгууль явуулж эхэлсэн үеэс үүдэлтэй юм.

Манай улсад 1992 оноос эхтэй гэсэн үг. Шалтгаан нь тухайн нам, бүлэгтэй үзэл баримтлалын хувьд үл нийцсэн, тухайн бүлгээс дэмжлэг авч, хамтарч чадахгүй тохиолдолд өөрийнхөө итгэл үнэмшлээр бие даан нэр дэвшдэг.

Нэг ёсондоо үзэл баримтлал нь аль ч нам, бусад бүлгүүдтэй нийлэхгүй байгаа учраас бие дааж байна гэсэн үг.

Тухайн институт, групптээ үзэл баримтлалын хувьд ямар нэгэн байдлаар нэгдэж чадвал бие даах шаардлагагүй.

Нөгөө талаас ардчилсан, парламентын засаглалтай улс орны нийгэмд олон ургалч үзэл оршиж байдаг. Олон ургалч санааг илэрхийлэгч нь бие даагчид юм.

-Нийтлэг жишгийг хараад үзэхээр бие даагчдын хөдөлгөөн улс төрд хэр нөлөө үзүүлсэн байдаг юм бэ?

-Энэ нь сонгуулийн систем, тухайн нийгэмд олон ургалч санаа хэр хөгжсөн байна вэ гэдэгтэй шууд холбоотой байдаг.

Манай улсад л гэхэд сонгуулийн тогтолцоо нь мажоритар, сонгогчдын тоо нь хүн амаасаа шалтгаалж ямар ч тохиолдолд бага, сонгогчдын дийлэнх нь намуудын хатуу гишүүнчлэлд тогтоод үлдчихсэн.

Энэ тохиолдолд бие даагчдад боломж тун бага, эрсдэлтэй байдаг. Тиймдээ ч үе үеийн парламентад бие даагчид нэгээс хоёрхон л гарч иржээ. Энэ нь тун бага үзүүлэлт шүү дээ.

Мажоритар системийн үед бие даагчдад боломж тун бага байдаг. Мажоритар системтэй үед бие даагчид орон нутагтаа юм уу, эсвэл тухайн тойрогтоо маш сайн танигдсан тохиолдолд л гарч ирнэ, амжилтад хүрнэ.

Тэдэнд хамгийн ээлтэй нь холимог систем. Учир нь холимог системтэй үед нийгэм олон ургалч үзлийг алдуулахад төлөвшсөн байдаг. Сонгогчийн боловсрол нэмэгдсэн байдаг гэсэн үг.

– Энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор болох учраас олонд танигдсан хүмүүст ашигтай гэж хэлж байгаа. Харин нийгэмд шинэ залуу үе гарч ирнэ гэсэн хүлээлт байх шиг. Таныхаар үр дүн нь ямар байх бол?

– Манай улсад тун сонирхолтой сонгууль болохуйц нөхцөл байдалтай байна.

Жишээ нь, судалгааны хүрээлэнгүүд судалгаа хийж, нам, нэр дэвшигчийн рейтингийг тогтоодог, тэр талаар бид сонгуулийн өмнө ярилцдаг байв.

Харин одоо өвчин, зовлонтой, хөл хориотой эрсдэлтэй өдрүүд үргэлжилж, нийгэм айдастай байна. Ийм үед нийгмийн сэтгэл зүй хамгаалалтын байдал руу орчихдог.

Энэ тохиолдолд иргэд улс төр, нийгэмд болж буй шуугиантай сэдвүүдэд төдийлөн анхаарахаа больчихдог.

Манай тойрогт аль нэр дэвшигч илүү рейтингтэй байна вэ гэдгийг төдийлөн сонирхохгүй, түүнд хариулт ч өгөхгүй. Харин ч таньж мэддэг өмнөх хүмүүсээ сонгох нь тэдэнд тайван байдлыг бий болгохуйц байдаг.

Тиймдээ ч сонгуулийн үр дүн бараг тодорхой болчихсон.

– Тодорхой гэдэг нь?

– Аль нь илүү сайн ажиллаж, хэн илүү түшигтэй санагдана, тэр хүнийг л иргэд сонгоно гэсэн үг.

Магадгүй тойрогтоо МАН, эсвэл АН-ын гишүүн сайн ажиллаж чадсан бол түүнд боломж бий. Энэ нь нийгмийн сэтгэл зүй, айдсыг давах хүчин зүйлтэй шууд холбоотой болчихож байгаа юм.

Хөл хорио хэдий чинээ урт үргэлжилнэ, төдий чинээ таньж мэдэхгүй нэгнийг сонгох хүсэл нь буурна.

Дээрээс нь хотын мандатаас дөрвийг нь орон нутагт шилжүүлсэн. Энэ хэрээрээ орон нутагт “хөл сайтай”, бүх зүйлээ цаг тухайд нь хийгээд явчихсан улстөрчид гарч ирж чадна.

Хотод шинэ нэр дэвшигч, шинэ дуу хоолой гэсэн олон янзын уриан дор л сонгууль явагдах байх.

Гэлээ ч нийгмийн сэтгэл зүйд сүүлийн гурван сарын үйл явдал хүчтэй нөлөөлдөг юм.

Хөл хорио тавигдаж, халдвар авсан таван хүн эдгэн, дахин өвчин илрээгүй тохиолдолд сонгогчдын дийлэнх хувьд нь энэ Засгийн газар маш сайн ажиллалаа гэсэн мессеж өгнө.

Өмнө нь хийсэн ажлууд нь хэчнээн шүүмжлэл дагууллаа ч тэр нь нийгэмд хүчтэй нөлөөлж чадахгүй.

Хэдий иргэд өнгөн талдаа шүүмжлэлтэй хандлаа ч далд байх итгэл үнэмшил нь өөр байна. Ийм эрсдэлтэй үед нөхцөл байдлаас сайн аваад гарчихсан учраас найдвартай байж чадах юм байна гэх итгэлийг төрүүлчих нь гэсэн үг.

Засгийн газар сүүлийн зургаан сар сайн ажиллачихвал санал авч чаддаг зүй тогтол ч бий. Энэ нь шинжлэх ухаанаар хэдийнээ батлагдчихсан зүйл шүү дээ.

– Тэгэхээр бие даагчид болон бусад хөдөлгөөнүүдэд боломж хомс байх нь?

– Одоогийн нөхцөл байдлыг Засгийн газар давж чадах юм бол дахин эрх баригч болох өндөр магадлалтай. Мэдээж АН-ын нэр дэвшигчдээс ч гарч таарна. Иймээс бие даагчдад боломж тун бага.

Парламент гэдэг өөрөө олон ургалч санааны нэгдэл. Олон эрх ашгийг хангахын төлөө байдаг. Нөгөө талаараа парламентын засаглалд бүлгээрээ, олонхоороо шийдвэр гаргадаг.

Олонхыг намтай байж гэмээнэ бүрдүүлж чаддаг. Энэ тохиолдолд бие даагчид өөрийнхөө сонгогчдын эрх ашгийг хангаж, аливаа бүлэгт харьяалагдаж, санаачилсан хуулиа дэмжүүлж чаддаггүй сул талтай.

Тиймээс “Уухай” зэрэг залуучуудын хөдөлгөөнийхний хувьд танигдахын тулд л дэвших байх гэж бодож байна.

Улс төрийн шинжлэх ухааныг судалдаг, мэддэг хүмүүс тэнд байгаа бол их мөнгө зараад хэрэггүй гэдгээ мэдэж байгаа байх.

Яах вэ цөөн тооны нэр дэвшигчид гарч ирэхийг үгүйсгэхгүй ч гарч ирснийхээ дараа бүлэг болж, бодлогод нөлөөлж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Бид хүчтэй парламентын засаглалтай болохоор Үндсэн хуульдаа чамгүй өөрчлөлт оруулчихсан.

Хүчтэй Ерөнхий сайдтай болох нөхцөл ч хэдийнээ бүрдчихсэн.Тиймээс цаашид улам л намын институчлэгдсэн байдал чухал болоод ирнэ.

Энэ нь дээрх хөдөлгөөнүүдийн илүү намын, байгууллагын бүтэц рүү орохыг шаардана. Үзэл санаа, баримтлал, гарч ирээд хийх зүйлс нь, хөгжлийн бодлого нь ойлгомжтой, нэр дэвших гишүүд нь ч тодорхой байх ёстой юм.

Мэдээж өөрийн гэсэн “өнгө”-тэй бие даагчид байх юм бол намууд урихыг үгүйсгэхгүй.

Бие даагч хэвээр үлдэнэ гэвэл үнэнхүү тууштай, тойргийн иргэддээ маш сайн танигдсан, тэдгээрийн ихэнх хувь нь дэмжихээр гарын үсгээ зурсан тохиолдолд л орж ирэх хэрэгтэй.

– Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор УИХ-ын ээлжит сонгууль хойшлох болов уу. Хэрэв хойшлохоор болбол хэнд ашигтай вэ?

– Миний хувьд гадаадад байгаа иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчирч байгаа нь ч сонгогчдын тоогоо нэмж буй үйл явдал гэж харж байгаа.

Хэрэв халдвар авсан иргэдээ эмчлэх чадалтай гэдгээ баталчихвал сонгууль хугацаандаа л үргэлжилнэ байх.

Хил хаалттай, халдвартай ирсэн иргэдээ эмчилчихсэн учраас сонгуулийг хойшлуулах өөр ямар ч хүчин зүйл байхгүй.

Сонгууль хойшлохгүй байх тусмаа МАН-д ашигтай.

Categories
мэдээ цаг-үе

А.Цэрэнбат: Дарханы замаа тавьж чадахгүй байж юун тэнгэрийн зам бэ

– КОМПЬЮТЕР МЭДЭХГҮЙ ХЭДЭН САЙД Л НИЙТ ЗАЛУУСЫГ УДИРДАЖ БАЙНА –

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбаттай ярилцлаа.


-Та Дарханы замд хохирсон зорчигчидтой хамт ЗТХЯ-ыг шүүхэд өгч, хариуцлага хүлээлгэнэ гэж байсан. Энэ юу болсон бэ?

-Би өөрөө Дарханы замын нэг хохирогч юм. Энэ замаар зорчихдоо хоёр ч удаа автомашиныхаа дугуйг хагалсан. Дугуйгаа хагалчихаад зогсож байхад машин осолдож, хүмүүс бэртэж гэмтэж, дугуй нь буудаад шатсан тохиолдлууд ч гарч байв. Судлаад үзэхэд Автозамын тухай хуулийн аравдугаар бүлэгт “Хэрэв замын нөхцөл байдлыг нь сайжруулаагүйгээс болж иргэд хохирох юм бол төр хариуцна” гэсэн заалт байсан. Энэ нь Зам тээвэр, хөгжлийн яам болж таарч байгаа юм. Найз, нөхдийн хүрээлэлд маань л гэхэд Дарханы замд хохирсон 20-иод хүн байна. Бид энэ асуудлаар хоёрдугаар сарын 13-нд хэвлэлийн хурал хийсэн. Түүнээс хойш Дарханы замд хохирсон иргэд нэмэгдсээр 300-аад хүн нэгдээд байна. Биднийг гурван өмгөөлөгч сайн дураараа дэмжиж, хамтран ажиллаж байгаа.

ЗТХЯ-нд хүмүүс гомдол гаргахад сайд нь “Та бүхний ярьж байгааг хэн нотлох юм бэ” гэсэн. Гэтэл бидэнтэй нэгдсэн 300 хүний бодит хохирол л гэхэд нийтдээ 200-гаад сая төгрөгт хүрч байна. Бид нотлох баримтуудаа шүүхэд өгсөн. Дарханы замыг хааж, түр замаар явах болсноос хойш тэнд 14 хүн нас барж, 140 авто осол бүртгэгджээ. Энэ зөвхөн цагдаагийн газарт бүртгэгдсэн нь. Гэтэл цагдаад бүртгэгдээгүй нь тэрнээс ч их. Өдөрт хамгийн багадаа 20 болон түүгээс дээш тооны осол тэр замд гарч байна. Тиймдээ ч бид Засгийн газар иргэдэд учирсан энэ хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байгаа.

Дээрээс нь коронавирусийн дэгдэлт их байгаа энэ үед ЗТХ-ийн сайд Европын нислэгийг хаагаагүйн улмаас халдвар авсан франц иргэнийг оруулж ирсэн. Түүнийг 14 хоногийн хугацаанд хатуу хөл хорионд ч оруулж чадаагүй. Үүнээс үүдэн бид улс даяараа хөл хорионд орж, хэдэн тэрбумын алдагдалд орсон. Бизнес эрхлэгчдэд энэ үйл явдал маш хүндээр туслаа. Энэ бол ЗТХ-ийн сайдтай тооцох хоёр дахь хариуцлага мөн.

-Засгийн газраас “Тэнгэрийн зам” төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-“Тэнгэрийн зам” төслийг 800 сая ам.доллар буюу хоёр их наяд төгрөгөөр хийхээр төлөвлөж байгаа юм билээ. Энэ нь манай улсын нийт төсвийн 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө. Энэ их мөнгөөр стандартын дагуу 3000 км автозам барих боломжтой. Гэтэл үүгээр 6-12 м өндөрт 13 км урттай гүүрэн байгууламжийг барина гэж байна. Дарханы 200 км автозамаа тавьж чадахгүй байж юун тэнгэрийн зам бэ. Бид Дарханы замыг шинээр хийх нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Харин хийхдээ бодлогын алдаа гаргасан, менежмэнтийн гүйцэтгэл дээрээ хяналт тавиагүй, хяналт тавьдаг компаниуд нь бүгд алдаа гаргачихсан. Энэ хариуцлагагүй байдлаас иргэд хохирч байгаа учраас л бид бухимдаж байгаа юм.

-“Тэнгэрийн зам” төсөл хэрэгжсэнээр түгжрэл 46 хувь, агаарын бохирдол 20 хувиар буурна гэж үзэж байгаа юм билээ. Энэ бодитой байж чадах уу?

-Би АНУ-д хот төлөвлөлтийн чиглэлээр мастераар сурч байгаа. АНУ-д болон дэлхийн хөгжилтэй орнуудад хүн амын нягтрал, түгжрэлийг шийдэхдээ тэлж, захын хорооллуудаа хөгжүүлж байна. Захын дүүргүүддээ хотын төвд байдаг бүхий л үйлчилгээний төвүүдийг нээдэг. Ажлын байр, хүүхдийн сургууль цэцэрлэг ч үүнд багтана. Гэтэл манай улсын захын хороололд кино театр, номын сан, сайн үйлчилгээтэй сүлжээ дэлгүүр, усан бассейн, спорт цогцолбор, бизнесийн төвүүд алга. Энэ асуудлыг анхаарч харах нь тун чухал.

Ер нь ч тэгээд зам барих тусам машин нэмэгдэж, түгжрэл улам ихэсдэг, хэзээ ч буурдаггүй. Харин нийтийн тээврийг хэгжүүлэх нь түгжрэлийг бууруулах нэг арга мөн. Нийтийн тээвэр ариун цэврийн шаардлага хангасан, цагийн хуваарийн дагуу ажилладаг, түгжирдэггүй байх хэрэгтэй. Улаанбаатарт 1500 автобус шаардлагатай ч одоогоор 500 орчим л явж байгаа байх. Энэ мэт дотоод зохион байгуулалтаа зөв хийх хэрэгтэй. Тэнгэрийн зам гэх энэ төсөл бол сонгууль угтсан популизм, мөнгө угаах гэсэн л арга. Тиймдээ ч иргэд шүүмжлэнгүүт “Бид энэ төслийг зүгээр л танилцуулсан юм. Энэ Засгийн газрын бодлого биш” гэж байна лээ. Ийм арчаагүй байж болохгүй л дээ. Гаргасан шийдвэртээ хатуу зогс, эсвэл ийм тэнэг шийдвэр битгий гаргаж бай. Эхлээд сайн судал, төлөвлө.

-Хэрэв зээ хэрэгжүүлэхээр болвол бүтээн байгуулалтад хэр хугацаа шаардагдах бол?

-Эхний ээлжинд энэ төсөл хэрэгтэй юү, хэрэггүй юү гэдгийг судлах шаардлагатай. Одоо Засгийн газар “Бид нар мэдэхгүй. Нэг компани л хийнэ. Бид зүгээр л дэмжсэн юм” гэнэ. Энэ бол солиорол. Нийслэлийн нэг сая 300 мянган хүний эрх ашгийг хөндсөн ийм том төсөл хэрэгжүүлэх гэж байгаа юм бол төр оролцож, шийдвэр гаргах ёстой шүү дээ. Замын ачаалал, стандарт гээд төрын оролцох асуудал бий. Гэтэл бид мэдэхгүй гээд сууж байна. Тэгвэл энэ хотод хэн дуртай нь янз бүрийн үйл ажиллагаа явуулаад байж болох юм уу. Энэ мега төсөл дээр аюулгүй байдал, стандарт гээч зүйл байх ёстой шүү дээ. Нийслэлийн иргэдийн саналыг ч үүндээ авах тусгах ёстой юм.

-Нөгөө талаар коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор эдийн засагт сөрөг үр дагаврууд бий болж эхэлж байна. Энэ хүнд үед 800 сая ам.долларын өртөг бүхий төсөл хэрэгжүүлэх нь хэр зохистой юм бэ?

-Тиймдээ ч энэ төслийг цааш үргэлжлүүлэх эсэх асуудлаар иргэдээс санал асуулга авах хэрэгтэй. Тэнгэрийн зам төслийг хэрэгжүүлэх үү, эсвэл хөрсний бохирдол тун удахгүй хөндөгдөх энэ үед гэр хорооллынхны өмнө тулгарч байгаа асуудлыг шийдэх үү гэдгийг асуух ёстой юм. Өнөөдөр төр нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг, үйлчилдэг, иргэддээ дэмжлэг үзүүлдэг болсон. Харин манайд өөрсдийгөө ухаантай гэж бодсон хэд нь төрд гарч суучихаад иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хөндөхгүй, зүүдэлсэн зүүдээ шийдвэр болгодог гэдэг шиг л ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор нэг зүйлийг онцлоход энэ хуучны улстөрчид хэтэрхий мэдлэггүй байна. Тэд өнөөдөр Google ашиглаж, youtube рүү орж үзэхгүй байгаа шүү. Instagramm гэж юу болохыг ч мэдэхгүй байна. Тэд оюун санааны хувьд дэндүү хоцрогдсон, уламжлалт, хэтэрхий бүдүүлэг байна. Компьютер мэдэхгүй хэдэн сайд л Монгол Улсын хүн амын 65 хувийг бүрдүүлж байгаа залуусыг удирдаж байна. Залуучууд үүн дээр дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй байтал үүнтэй эвлэрч, тэднийг ухаантай гэж шүтдэг. Тэдний пиар маркетингийг хийсэн шиг ээ л амьдарч байгаа. Одоо болих хэрэгтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхболд: Төмөр замын бүтээн байгуулалтын ажил Таван толгой ХК-ийн ажлын үр дүнтэй шууд холбоотой

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа.


-Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцож буй төмөр замын бүтээн байгуулалтын ажил ямар шатанд яваа бол?

-Хоёр жилийн өмнөөс Зэвсэгт хүчний анги салбарууд улсын хэмжээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй, өргөн цар хүрээтэй оролцож эхэлсэн. Үүний эхний үр дүн гарч нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн нэг том хэсэг болох хүнд даацын 18 км замыг барьж улсын комисст сайн дүнтэй хүлээлгэн өгсөн. Монголчууд өөрсдийнхөө хүчээр хүнд даацын машин замыг чанарын сайн үзүүлэлттэй хийсэн гэдгээрээ онцлог. Зэвсэгт хүчнийхний хувьд ч бахархам сайхан үйл явдал болсон. Чанартай, сайн гүйцэтгээд зогсохгүй төсөвлөгдсөн өртгөөсөө хямд зардлаар барьсан. Энэ зөрүүгээр нь бид Зэвсэгт хүчнийхээ барилга, инженерийн ангиудыг техник, тоног төхөөрөмжөөр хангах, хүмүүсийнхээ чадавхыг дээшлүүлэх тал дээр ахиц гаргаж чадсан. Хоёр дахь том ажил нь мэдээж Таван толгой-Зүүнбаян чиглэлийн шинэ төмөр замын төсөл юм. Энэ төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб орж, хувийн хэвшлийн 60 орчим том, жижиг компаниудыг удирдан ажиллаж байна. Бид өнгөрсөн өвөл зогсолтгүй ажиллалаа.

-Өвлийн хугацаанд ямар ажлууд амжуулав?

-Хийж болохуйц газар шорооны ажлуудаа хийлээ. Мөн үйлдвэрийн газруудад хийж болох ажлуудаа ч урагшлуулсан. Замын доогуур тавих хоолой, бусад бэлдэцүүдээ бэлдэж, хайгуулын зарим ажлуудыг хийлээ. Цагаан сарын хугацаанд түр завсарлаж, гуравдугаар сарын эхээр дахин ажлаа эхлүүлсэн. Үндсэндээ одоо бүтээн байгуулалтын ажил эхэлчихсэн явж байна.

-Бүтээн байгуулалтын ажлыг яг хэдийд дуусгана гэж зорьж байгаа вэ?

-Их том зорилт тавьсан. Болж өгвөл энэ оны эцэс гэхэд энэхүү 400 гаруй км төмөр замын хөдөлгөөнийг нээх хэмжээнд ажлаа гүйцэтгэнэ гэж төлөвлөсөн. Төлөвлөлтүүдийг өнгөрсөн намраас эхлэн хийсэн. Энэ ажилд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга онцгой анхаарал тавьж ажиллаж байна. Бид нараас үл шалтгаалах хүчин зүйлүүд үүсчихгүй л бол энэ оны эцэс гэхэд төмөр замынхаа хөдөлгөөнийг нээнэ. Гэхдээ тээвэр хийгээд эхэлнэ гэсэн үг биш. Ямар ч байсан вагон явуулаад үзэхэд болох хэмжээнд аваачихаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

-Бүтээн байгуулалтын ажил эрчимжиж байгаатай холбоотойгоор цэргийн албан хаагчдыг нэмж татах уу?

-Бид цэрэг татлага явуулахдаа 2018 оноос эхлээд зам, барилгын чиглэлээр мэргэшсэн хүмүүсийг уг бүтээн байгуулалтад оролцохыг урьж, сурталчилж байгаа. Харамсалтай нь бидний хэрэгцээнд хүрэх хэмжээний мэргэжлийн хүмүүс ирэхгүй байна. Ерөнхийдөө хугацаат цэргийн албан хаагчдаас бүтээн байгуулалтын ажилд нарийн мэргэжил шаардахгүй ажилд цөөн тоогоор л оролцдог юм.

Үндсэндээ ажлыг мэргэжлийн ахлагч, офицерууд л голлож хийж байна.Онцлоход, Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүний 70-80 орчим хувь нь дандаа мэргэжлийн албан хаагчид байдаг. Шаардлага хангасан эдгээр хүмүүсээс бүтээн байгуулалтын ажилд нэмж ажиллуулах боломж байгаа. Бид МСҮТ-ийн төвүүдтэй хамтран албан хаагчдаа сургах ажлыг идэвхтэй зохион байгуулж байгаа. Дээрээс нь цэргийн албанд мэргэжлээрээ ахлагч, офицер болж ажиллая гэсэн хүмүүс Жанжин штаб дээр ирж уулзах боломжтой юм. Бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа цэргийн албан хаагчдын цалинтай холбоотойгоор манай болон Сангийн яамны хамтарсан тушаал гарсан. Цэргийн албан хаагчид энэхүү том бүтээн байгуулалтад оролцоод дууссаны дараа дор хаяж орон сууцны урьдчилгаа төлбөр төлөх, их, дээд сургуулийнхаа төлбөрийн тодорхой хэсгийг төлөх хуримтлалтай болох боломжтой. Оролцож буй ажил, оролцоо, чадавх зэргээсээ хамаарч нэг өдрийн 70 хүртэлх мянган төгрөгийн цалин авахаар тооцож, эрх зүйн талаас нь баталгаажуулж өгсөн. Нарийн мэргэжлийн хүмүүс нь тусгайлсан гэрээ байгуулаад явах боломжтой.

-“Эрдэнэс Таван толгой” ХК өнгөрсөн онд ашигтай ажилласан. Тэр ч утгаараа төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтэд ямар нэгэн гацаа үүсч, төлөвлөгөө удаашрахгүй байх гэж харж байна.

-Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн олсон ашгаас санхүүжүүлж байгаа. Бид үндэсний үйлдвэрийнхээ ашгаар анх удаа ийм том хэмжээний бүтээн байгуулалт хийж байгаа гэдгээрээ онцлогтой юм. Өнгөрсөн жилийн тухайд ямар нэгэн байдлаар санхүүжилт тасраагүй. Яахав ажлын явцад гүйцэтгэлээ гаргаж санхүүжилтээ авах, тэр хугацаа нь нааш, цааш болох гэх мэт засаж болохуйц алдаа гарч байсан. Өөрөөр бэрхшээл учраагүй. Энэ жил ч гэсэн тус компанийн ашгаас хуваарилагдсан хөрөнгөөр санхүүжээд явна.

-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн тодорхой хувийг хувьчлах шийдвэр гарсан. Зарим улстөрчдийн зүгээс ашигтай ажиллаж буй энэ компанийг хувьчилж, эрх мэдэлтнүүд завших нь гэх байр суурийг илэрхийлж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Энэхүү төмөр замын ажил нь ҮАБЗ-өөс зөвлөмж гарч, тэрний дагуу Засгийн газар хэрэгжүүлж буй сүүлийн жилүүдэд хийгдээгүй том бүтээн байгуулалт. Энэ төмөр зам ашиглалтад орсноор олон давуу тал Монголын эдийн засагт бий болно. Бид төмөр замынхаа сүлжээг өргөжүүлж чадвал хамгийн наад зах нь дотоодын тээвэрлэлтийн асуудлаа шийднэ.Транзит тээврийн орлого нэмэгдэнэ. Гадагшаа гаргаж байгаа бүтээгдэхүүний маань хүрэх хугацаа нь богиносно, харьцангуй үнэ нь хямдарна. Тэр ч утгаараа энэ бүтээн байгуулалтын ажлыг дуусгахын ач холбогдол их. Дээр дурдсанчлан энэ нь Таван толгой ХК-ийн ашгаас санхүүждэг. Төмөр замын бүтээн байгуулалтын ажил Таван толгой ХК-ийн ажлын үр дүнтэй шууд холбоотой гэсэн үг. Таван толгой ХК муугүй ажиллаж байна. Хэрэв бид төмөр замтай байсан бол үүнээс ч илүү ашигтай ажиллахыг үгүйсгэхгүй. Таван толгойг яаж илүү их ашигтай байлгах вэ гэдэг нь монгол хүн бүрийн санаа зовж байгаа асуудлын нэг мөнөөс мөн. Тийм ч учраас ҮАБЗ, Засгийн газар, УИХ-аас шийдвэр гаргаж Таван толгойн уурхайн тодорхой хэсгийг хувьцаа хэлбэрээр олон улсын зах зээлд гаргаж, хөрөнгө босгох бодлого барьсан. Харамсалтай нь энэ шийдвэрийг буруу байсан мэт, энэ Засгийн газар, Уул уурхайн сайдыг зараад идэх гэж байгаа мэт ярьж, нийгэмд буруу дохио өгч байна. Ер нь томоохон зах зээл дээр хувьцаа гаргана гэдэг маш их тооцоо, цаг хугацаа шаардаж, олон талын нөхцөл бүрэлдэж байж шийдэгддэг асуудал. Энэ ажил дөнгөж эхлэх шатандаа л явж байгаа. Түүнээс маргааш гэхэд 30 хувийг нь нэг тэрбум ам.доллараар зарчих гэж байгаа асуудал огт биш.

Миний хувьд саяын ярьсан асуудал газар авч, улстөржөөд Таван толгойн хувьчлал, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой шийдвэрүүд гацах вий гэдэгт санаа зовж байна. Эдгээр ажлууд нь нэг зөвлөмжийн дагуу шийдэгдэж байгаа юм. Тодруулбал, хувьцаа гаргах, хөрөнгө босгох, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, түүнийг санхүүжүүлэх шийдвэрүүд бүгд нэг дор гарчихсан юм. Нэг шийдвэр дээр үндэслэж гарсан салаа ажлууд гэсэн үг. Сонгууль дөхөж байгаа энэ үед өнөөх шийдвэрийг буруу гээд үзчих юм бол төмөр замын ажлын санхүүжилт ч тасалдана, доголдоно, ажил нь зогсохдоо хүрнэ.Тиймдээ ч дээрх шийдвэрүүдэд ямар нэгэн өөрчлөлт битгий ороосой гэж бодож байна. Арай ч тиймдээ тулахгүй байлгүй гэж найдаж байна даа.

-Таван тэрбум ам.доллараар хувьчилна гэчихээд одоо болохоор нэг тэрбум ам.доллараар хувьчлах гэж байна гэж байсан л даа.

-Олон улсын зах зээл дээр зарагдах хувьцаа ямар үнэд хүрэхийг хэн ч тааж мэдэхгүй. Хувьчилж байгаа объекттэй холбоотой маш олон хүчин зүйлийг тооцож үзэж байж хүмүүс хувьцаа худалдаж авдаг. Тиймдээ ямар хэмжээний өртгөөр зарагдах эсэхийг урьдчилан ярих боломжгүй.

-Коронавирус гарсантай холбоотойгоор бүтээн байгуулалтын ажилд ямар нэгэн саад учрах уу?

-Коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор зөвхөн Монголын ч биш, дэлхий нийтийн эдийн засагт сөрөг нөлөө үүсч байна. Манай улсын нүүрсний болон нефтийн экспортод тодорхой хэмжээгээр саад учирсан. Гэхдээ Засгийн газар нүүрснийхээ экспортыг хуучин түвшинд нь хүргэх талаар Хятадын талтай сайтар ярилцаж байгаа. Тодорхой тохиролцоонуудад хүрсэн гэх мэдээлэл байна. Тэр тохиолдолд төмөр замын бүтээн байгуулалтын ажил тасрахгүй явах боломжтой.

-Коронавирусээс урьдчилсан сэргийлэх ажлыг УОК, Засгийн газар сайн зохион байгуулж байгаа боловч халдвар авсан Франц улсын иргэнийг зоргоор нь явууллаа гэж иргэд шүүмжилж байна. Та үүнд юу хэлэх вэ?

-Миний хувьд Засгийн газар, Улсын Онцгой комиссын үйл ажиллагааг хурдтай байж, үйл явдлын өрнөлөөс түрүүлж алхаж чадаж байгаа гэж харж байна. Амьдрал баян юм болохоор аливаа шүүмжлэл гаралгүй л яахав. Бүх зүйлийг 100 хувь баталгаатай хийх боломж хаана ч, хэнд ч байхгүй. Энэ халдварт өвчин нь дэлхийн хэмжээний цар тахал болж чадалтай улс орнууд ч туйлын хүнд байдалд ороод байна. Ямартаа ч УОК, Засгийн газар өөрсдийнхөө зүгээс бололцоотой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.

-Энхийг сахиулагчдын байгаа газруудад коронавирусийн тархалт ямар байгаа бол. Мэдээж яамны зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж байгаа байх.

-Өмнөд болон Хойд Суданд энхийг сахиулагчид байгаагаас гадна ажиглагч, холбогч офицерууд гадны улс орнуудад ажиллаж байгаа. Тэр бүрийн араас анхаарч, заавар зөвлөгөө өгч ажиллаж байна. Одоогоор манай цэргүүд байгаа газарт их хэмжээгээр коронавирус тархсан зүйл алга. Гэхдээ манайхан бүхий л талын арга хэмжээг авч ажиллаж байгаа.

-АНУ Талибануудтай энхийн гэрээ байгуулж, цэргүүдээ гаргахаар болжээ. Энэ бодитоор хэрэгжиж байгаа юу. Хэрэв тийм бол манайх хэдийд цэргээ гаргах вэ?

-АНУ, Афганистаны Талибаны хөдөлгөөнтэй гэрээ байгуулсан. Энэ гэрээгээрээ АНУ шат дараалалтай цэргээ татан гаргах асуудлыг ярьж байгаа. Цөөн тоогоор гарч эхэлж байх шиг байна. Манайх олон улсын эвслийн хүрээнд тодорхой гэрээ хэлцэл, тохиролцоо хийж, Афганистаны хоёр газарт цэргүүдээ илгээдэг. Тэнд АНУ болон ХБНГУ-ын цэргүүдтэй хамт алба хааж байгаа. Мэдээж тэнд болж байгаа бүхий л үйл явдал, хэзээ, ямар дарааллаар цэргээ гаргах уу гэдэг асуудал АНУ-ын талаас ихээхэн хамаарч байна. Дээрээс нь Талибануудын АНУ-тай байгуулсан гэрээг Засгийн газар нь алга ташин хүлээж аваагүй. Үүнээс үүдэн цэргүүдээ хэзээ гаргах нь эцэслэж шийдэгдээгүй байна. Яг тэр үед бүх цэргүүдээ гаргаад дуусна гэсэн тохиролцоонд хүрээгүй байгаа юм. Манай улс цэргээ 2021 он хүртэл Афганистанд алба хаахыг зөвшөөрсөн албан ёсны шийдвэрээ хууль номын дагуу гаргачихсан. Түүнээс өмнө гарахаар болбол мэдээж гаргаж таарна. Миний хувьд энэ асуудал тийм ч амархан шийдэгдчихгүй болов уу гэж харж байна. Бидний өөрсдийн барьж байгаа зарчим бол тэнд алба хааж буй АНУ, Германы цэргүүд гарч дуусахаас өмнө цэргүүдээ татаж авах явдал. Ийм болзол нөхцөлийн талаарх урьдчилсан саналыг албаны шугамаар ярилцаж байгаа.

-Батлан хамгаалах салбар зарим албан тушаалын орон сууцнуудаа хувьчилж байгаа гэдэг үнэн үү. Ингэх болсон шалтгаан нь юу вэ?

-Батлан хамгаалах салбарт өөрийнх нь мэдлийн тодорхой хэмжээний орон сууцнууд байдаг. Цэргийн албан хаагч тухайн ангид томилогдож, алба хаах хугацаандаа тэрхүү албан тушаалын орон сууцанд амьдардаг юм. Эдгээр албан тушаалын орон сууцуудаас цэрэгт олон жил алба хаасан, алба хааж байгаад тэтгэвэрт гарсан, насан эцэслэсэн ч үр хүүхдүүд нь үргэлжлүүлээд цэргийн алба хааж байгаа гэх мэт хүмүүст байрны элэгдэл, хорогдлыг нь тооцоод хямдруулсан үнээр зарж, хувьчлах шийдвэрийг саяхан Засгийн газрын хуралдаанаар гаргасан юм. Энэ нь Батлан хамгаалах салбарт хуримтлагдсан нийгмийн хамгааллын асуудалд тодорхой хэмжээгээр ахиц гаргана гэдэгт найдаж байна. Яг одоо манай яамнаас ажлын хэсэг гарч хэнд, ямар үнээр худалдаалах талаар хүн тус бүрээр судалж байгаа. Дор хаяж 500 орчим албан тушаалын гэж нэрлэгдэж байгаа орон сууцыг хувьчилна. Эдгээрээс орж ирэх хөрөнгөөр дараагийн албан тушаалын орон сууцуудыг барих юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Коронавирусийг намжаасан Хятадын туршлага

Ухань хотын төв, гудамж талбайд “БНХАУ яллаа”, “Ухань яллаа” гэсэн гэрэлт тууз өлгөж иргэдийнхээ сэтгэл санааг дэмжжээ

Шинэ төрлийн коронавирус БНХАУ-д дэлгэрч аюулын харанга дэгдээж байсан цаг саяхан. Өнөөдрийн байдлаар БНХАУ, тэр дундаа өвчний голомт болсон Ухань хотод нөхцөл байдал намжиж, тэд коронавирусийг цурманд оруулаад байна.

Харин энэ цаг мөчид манай улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдлээ. Иймд бид айдгаа ардаа орхисон Хятадын туршлага юу байв, тэд ямар арга хэмжээнүүд авав гэдгийг харах нь зүйтэй юм.

Ингээд коронавирус гарсан цагаас хойш БНХАУ ямар арга хэмжээнүүд авсан талаар Талын дуу хоолой, http://mn.cctv.com, CRI зэрэг хэвлэлүүдээр цацагдсан мэдээллүүдийг тоймлон хүргэе.

БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос иргэдэд дархлаагаа дэмжих, даарахгүй байх, хувийн ариун цэврийг сайн сахих, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, хүн ихтэй газруудаар зорчихгүй байх, амны хаалт тогтмол зүүхийг хамгийн түрүүнд зөвлөсөн байна. Мөн халуурах, ханиалгах зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэйг анхааруулжээ. Улмаар галт тэрэг, нисэх онгоц, метроны буудлуудад биеийн халуун хэмжигч байршуулж, тахлын голомтод яаралтай хөл хорио тогтоосон байна.

АгААрын цЭргийнхЭн ЭМчилгЭЭний БАгийг УхАнь рУУ ТЭЭвЭрлЭжЭЭ

Өдөр тутамд халдвар авагчдын тоо нэмэгдэж байсан учир эмч, эмнэлгийн ажилчдын ачаалал тэр хэрээр ихэсчээ. Иймд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, нэмэлт хүч болгож эмч нарыг илгээж эхэлсэн байна. Тэднийг агаарын цэргийнхэн өвчний голомт руу тээвэрлэсэн байна.

Эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс Уханьд долоо хоногт багтаан эмнэлэг барихын сацуу, спорт цогцолборыг нь түр эмнэлэг болгон ашиглажээ. Мөн Бээжинд коронавирусийн эсрэг тусгай эмнэлэг барьж эхэлсэн байна.

Төдийгөөс өдий хүртэл Хятадын мужуудаас Ухань руу шаардлагатай будаа, жимс, ногоо, эд материал зэргийг хандивлажээ. Өмнөд Монголоос л гэхэд 200 тонн хонины мах, 100 тонн үхрийн мах, 100 тонн гахайн мах, 200 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн бэлэглэсэн аж.

ЭмчЭЭс үнЭ

төлбөргүй зөвлөгөө авах утсыг ажиллуулжээ

Тэд нийтийн тээвэр, аж ахуйн нэгж, ажлын байр гээд бүхий л дээд зэргийн газарт ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ. Вирусийн ид дэгдэлтийн үед гадуур гарахдаа өмссөн хувцас, гутал, цүнх, гар утас зэргээ ариутгах нь чухал болохыг ч анхааруулсан байна. Үүнтэй зэрэгцээд олон нийтийг тайван байхыг уриалж, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх лавлах утас ажиллуулахыг үүрэгджээ. Мөн Хөх хотын 18 эмнэлэг интернэтээр дамжуулан иргэдэд үйлчилж эхэлсэн байна. Шаардлагатай хүмүүс шууд утсаар тусгай эмчтэй холбогдож, үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжийг ч нээжээ. Харин эмч нарт аливаа өвчтөн дээр очихдоо бүрэн хамгаалалтын хувцастай очихыг сануулжээ.

машин үйлдвЭрийн компаниуд амны хаалт үйлдвЭрлЭжЭЭ

Тахал гарснаас хойш амны хаалтны үйлдвэрүүд уртасгасан цагаар, зарим нь 24 цагаар ажилласан байна. Тэр дундаа Чүнчинь, Хөх хотын амны хаалтны үйлдвэрүүд иргэдийг амны хаалтаар хангахын тулд үйлдвэрлэлээ огт зогсоогоогүй байна. Зарим аж үйлдвэрүүд бүтээгдэхүүний шугамаа өөрчлөн ажиллаж, тахлын эсрэг ханцуй шамлан орсон тухай мэдээлэл ч анхаарал татаж байлаа. Зарим ажлын хувцасны оёдлын үйлдвэрүүд хамгаалалтын хувцас үйлдвэрлэж эхэлсэн бол машин үйлдвэрлэдэг компаниуд ч хариуцлагаа ухамсарлан маск үйлдвэрлэжээ. Хунань муж эмчилгээнд хэрэглэх тусгай хамгаалалттай нүдний шилийг үйлдвэрлэж байгаа бол Хэбэй мужийн үйлдвэр өдөрт хамгаалалтын 26 мянган хувцас үйлдвэрлэн 24 цагийн дотор Уханьд хүргэж байгаа аж.

Онлайн оффисыг ажиллуулж байна

Хэдий коронавирусийн тархалт нэмэгдэж байсан ч тариалалтууд хэвийн үргэлжилжээ. Харин тахлын дэгдэлт нэмэгдэх үеэс эхлэн Хятадын ихэнх компаниуд онлайнаар ажил үүргээ гүйцэтгэх болсон байна. Эдгээр компанийн ажилтнууд муж, бүс нутгийн ялгамжгүйгээр онлайнаар өөрийн оногдсон ажил үүргээ төвөггүйхэн биелүүлж байгаа аж. Ингэснээр ажлын бүтээмж нь илт сэргэсэн болохыг ч хэвлэлүүд онцолжээ. Мөн энэ нь халдварын онцгой нөхцөл байдалд хүмүүсийг нэг дор цуглуулах, замын ачаалал, олон нийтийн хөл хөдөлгөөнийг нэмэгдүүлэхгүй байх давуу талтай гэж үзжээ. Иймээс онлайн оффис ажиллагаа хэсэг хугацаанд үргэлжлэх хандлагатай байгаа аж. Нэг жишээ дурдахад, 190 мянган ажилтантай дэлхийн 172 улсад салбартай “HUA­WEI” компани хоёрдугаар сарын 3наас эхлэн өөрийн бүтээсэн онлайн хоёр программаараа дамжуулан байгууллагын болон олон улсын хурлуудыг хийжээ. Тус компани коронавирусийн хүнд хэцүү нөхцөл байдалтай холбогдуулан “WeLink” хэмээх тэрхүү онлайн оффисын программаа олон нийтэд үнэ төлбөргүй ашиглуулахаа ч мэдэгджээ. Түүнчлэн сургуулиуд онлайнаар хичээлээ явуулж эхэлсэн байна. Зөвхөн хичээл гэлтгүй элдэв төрлийн цахим сургалтууд ч энэ үед нэмэгджээ.

Худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагааг

хориогүй

Ухань хот ногооны задгай захуудыг нээж оршин суугчдын хүнсний хэрэглээг хангасан тухай мэдээлэл ч хэвлэлүүдэд гарчээ. Манай улсын хувьд зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг хумих шийдвэр гаргаж буй. Ингэснээр цөөн тооны нээлттэй худалдааны төвүүдэд ихээр хүн цуглах эрсдэлтэйг ч зарим иргэн онцолж байгаа. Хятадын хувьд энэ асуудлыг тооцож худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрүүдийг бүгдийг нь ажиллуулж, бараа бүтээгдэхүүнээр сайтар хангаж байжээ. Нийтийн тээврийг ч улам ихээр явуулж эхэлсэн байна. Энэ нь цөөн тооны нийтийн тээвэрт олноор суух эрсдэлийг тооцсон хэрэг юм.

Уламжлалт болон Европын анагаах ухааныг уялдаатай хэрэглэжээ

Уг халдвар гарсны дараа Хятад улсын дарга Си Жиньпин “Уламжлалт болон Европын анагаах ухааныг хамт чухалчилж, уялдаатай хэрэглэх”ийг шаарджээ. БНХАУын эрүүл мэндийн салбарынхан ч энэ чиглэлийн дагуу ажилласан байна. Хятадын уламжлалт анагаах ухааны салбарынхан өмнө нь халуурах, гүйлгэх, сэтгэл санаа хямрах гэх мэт шинж тэмдэг илэрсэн өвчтөнд “Уушгийг цэвэрлэж, хорыг тайлах шингэн”ийг тусгайлан боловсруулжээ. Тэдний хэрэглэж заншсан энэхүү шингэн нь халдвар авсан энгийн шинж тэмдэгтэй өвчтөнөөс эхлээд биеийн байдал нь хүндэрсэн өвчтөнд ч сайн үйлчилжээ. Тахлын талаар Хятадын академич Жун Наньшань “Коронавирусийн тархалтыг тогтоон барих, гадагшаа түгэн дэлгэрэхээс сэргийлэх гол байсан бол одоо гаднаас орж ирэхийг сэргийлэх нь чухал болно. Иймээс хилийн хяналт шалгалтын арга хэмжээг бэхжүүлэх хэрэгтэй” гэдгийг ч онцолжээ.

ЭмчилгЭЭний

ухаалаг роботуудыг Уханьд ажиллуулав

Сүүлийн өдрүүдэд 5G-тэй холбосон эмчилгээний ухаалаг роботуудыг Уханий Ше Хэ зэрэг эмнэлэгт нэвтрүүлэн ажиллуулж эхэлжээ. Эмчилгээний зориулалттай ухаалаг роботууд ариутгал, цэвэрлэгээ, хүргэлт зэрэг үйлчилгээ үзүүлж, халдвар дахин дамжих эрсдэлийг бууруулж байгаа аж. Мөн Шанхай, Шандүн, Гансү зэрэг газрын халдварын эсрэг ажиллаж байгаа эмнэлэгт уг роботуудыг нэвтрүүлжээ.

Ялгаварлан гадуурхсан үг хЭллЭгЭЭс зайлсхийж, нийгмийг талцуулахгүй байх нь чухал

Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Хятадын хэвлэл мэдээллийн ихэнх байгууллагууд онлайнаар ажлаа амжуулж байгаа аж. Гэхдээ цөөн тооны хэвлэлүүд газар дээрээс нь нөхцөл байдлыг сурвалжилж хүргэсэн байна. Мэдээж тэд олон нийтэд бодит мэдээлэл хүргэхийн төлөө ажилласан нь дамжиггүй.

Шинэ коронавирусийн дэгдэлт нэмэгдэхийн хэрээр худал цуурхал ихээр тарж, нийгмийг айдаст автуулах болсон. Энэ ч үүднээс Олон улсын сэтгүүлчдийн сүлжээнээс зөвлөмж гаргаад байгаа билээ. Зөвлөмждөө аливаа нөхцөл байдлыг гоёчилж, дүгнэж, анхаарал татах гэж бичихийн оронд бодитоор хүргэхийг чухалчил хэмээжээ. Мөн сэтгэл хөдлөл, ойрын хүрээллийнхээ нөлөөнд авталгүй аль болох олон эх сурвалжтай байхыг зөвлөсөн байна. Ялгаварлан гадуурхсан үг хэллэгээс зайлсхийж, нийгмийг талцуулахгүй байх, мэргэжлийн хүний үгийг сонсохдоо ч анхаарах ёстойг дурджээ. Хүнд хэцүү цаг үед бэлтгэсэн мэдээ, мэдээлэл бүр олныг шуугиулсан байх албагүй гагцхүү үнэн зөв, бодит, шуурхай, тасралтгүй байхыг зөвлөсөн байна.

Уханьд дайчлагдан ирсэн 42600 эмч сүүлчийн өвчтөнүүдЭЭ үдЭн гаргаж байна

Ийнхүү Ухань хотод өвчлөлийн тоо эрс буурч, түр эмнэлгүүдийг хааж эхлээд байна. Эмч нар Уханьд дайчлагдан ирэхдээ дахин гэр бүлтэйгээ уулзаж чадахгүй байх вий гэсэн айдастай байсан бол энэ бүхэн ард хоцорчээ. Тэд баяр хөөртэйгөөр амны хаалтаа тайлж, сүүлчийн өвчтөнүүдээ үдэн гаргаж байна. Уханьд бусад муж хотуудаас 42600 эмч дайчлагдан ирсэн юм.

Хятад, Европ чиглЭлийн галт тэрэгний 90 хувь нь хэвийн ажиллаж эхлэв

Өвчний тархалт их байх үед зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоосон ч дэс дараалалтайгаар сэргээж эхэлжээ. Хятадын Хөгжил шинэчлэлийн хорооноос энэ сарын 8нд “Хятад, Европ чиглэлийн галт тэрэгний 90 хувь нь хэвийн ажиллаж эхэллээ. Ирээдүйд Хятадын төр засгаас холбогдох бодлого боловсруулж, Хятад, Европ чиглэлийн галт тэрэгний аюулгүй, тогтвортой байдлыг хангаж ажиллана” гэсэн байна.

Си Жиньпин: Эдийн засаг, нийгмийн хөгжлийг даруй хэвийн байдалд оруулахын тулд хичЭЭх хЭрЭгтЭй

Түүнчлэн ХКНын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хороо гуравдугаар сарын 4ний өдөр хуралдаж нөхцөл байдлаа дүгнэжээ. Энэ үеэр Хятад улсын дарга Си Жиньпин “Бид эхний ээлжинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналт тавих нөхцөл байдлыг сайн зүгт эргүүлж, үйлдвэрлэл, амьдралын дэг журам сайжирч байна. Бид энэхүү сайн хандлагыг цаашид бэхжүүлж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг даруй хэвийн байдалд оруулахын тулд хичээж ажиллах хэрэгтэй байна” гэжээ.

Мөн “Үйлдвэрлэлээ сэргээж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулж, олон улсын төрөлжсөн зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй. Тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлээ сэргээх ажлыг сайтар хийж, дэлхийн ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээг тогтвортой байлгахад хүчин чармайлт гаргах шаардлагатай юм. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг нухацтай хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлээ сэргээх, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд идэвхтэй туслан, гадны санхүүжилттэй томоохон төслүүдийн хэрэгжилтийг ахиулах хэрэгтэй” хэмээжээ. Мөн сэтгэл хөдлөл, ойрын хүрээллийнхээ нөлөөнд авталгүй аль болох олон эх сурвалжтай байхыг зөвлөсөн байна.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ цаг-үе

Д.Доржпүрэв: Орон нутгийн сонгуулийн өмнөхөн хэрэг үүсгэн шалгаж, эцэст нь үнэн мөнийг нь тогтоосон

Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэвтэй ярилцлаа.


-Коронавирусийн тархалттай холбоотойгоор Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Иргэд чадах чинээгээрээ дэглэм сахиж, хандив тусламж өгч, хамтран ажиллаж байна. Таны хувьд ч хандив тусламжийг түүчээлэгчдийн нэг боллоо. Яагаад хандив өгөхөөр болов?

-Коронавирус орчин цагийн хар тахал л болчихлоо. Нийтдээ 90 гаруй мянган хүнд тархсан байгаа талаар өнөөдөр мэдээлж байна лээ. Манай хил залгаа, ойр орчмын бүхий л улс оронд гарлаа. Үүнээс үүдэж Монгол Улсад санхүү, эдийн засгийн хүндрэл гарч байна. Тиймдээ ч найз нөхөд, гэр бүл, ажиллагсад гээд 70 орчим хүн нийлж хандив цуглуулахаар шийдэж, 20 сая төгрөгийг цуглуулсан. Энэ мөнгөөр маск, нэг удаагийн хувцас хэрэгслийг авах гэсэн боловч мэргэжлийн хүмүүс биш учир олж сонгоход бэрх юм билээ. Иймд мэргэжлийн хүмүүс нь өөрсдөө сонгосон нь зүйтэй болов уу гэж үзээд бэлэн мөнгийг нь хандивлахаар шийдсэн.

-Цөөнгүй иргэд Эрүүл мэндийн яаманд хандив тусламж үзүүлж байна. Монголчуудын зовох цагт нэгэндээ дэм тус болдог сайхан чанар алдагдаагүй юм байна гэж баярлаж, бахдах хүмүүс ч байлаа.

-Үнэн. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” ч гэж бид хэлдэг шүү дээ. Ер нь бид өөр, өөрсдөдөө л анхаарал халамжтай байхгүй бол биднийг хэн анхаарах билээ дээ. Бид чинь цөөхүүлээ. Тэр утгаараа ч манай ажилчид, найзууд энэ хандивын үйл ажиллагааг маш уриалгахнаар дэмжсэн. Хэрэв дэмжээгүй бол 20 сая төгрөг босгоно гэдэг чамгүй ажил шүү.

-Коронавирус Монгол Улсад илрээгүй байгааг янз бүрийн хүчин зүйлстэй л холбож тайлбарлаж байна. Таны хувьд юу гэж харж байна вэ?

-Байгаль цаг уурын онцлогоосоо болж байгаа юм болов уу гэж харж байна. Монголоос гадна Казахстан, Узбекистан, Тажикистан зэрэг улсуудад тархалт харагдахгүй байгаа юм. Тиймээс газар зүйн байрлал, цаг агаарын нөхцөл байдал дээрээс нь хэрэглэж байгаа хоол хүнснээсээ ч болдог байж магадгүй. Нөгөө талаараа төрийн байгууллагуудаас хөл хорио тавих тал дээр сайн ажиллаж, үр дүн нь ийн гарч байгааг ч үгүйсгэхгүй. ДЭМБ-ын цахим хуудас руу өглөө бүр орж үзэж байгаа. Харахад хүн маш ихээр бөөгнөрдөг, их олон нисэх онгоцны буудалтай, том арга хэмжээ зохион байгуулдаг, аялал жуулчлал их хөгжчихсөн газруудад өргөн тархацтай байна. Европт л гэхэд Франц, Итали, Азид БНХАУ, БНСУ, Японыг нэрлэж болно. АНУ-д нөхцөл байдал хэвийн байснаа сая дэгдээд л эхэлчихлээ.

-Таны хувьд одоогоор ямар алба хашиж байна вэ?

-Би дэд сайдын алба хашихаасаа өмнө бизнес хийж байсан. Төв аймгийн Ардчилсан намын даргаар 10-аад жил ажилласан байна. Түүнээс хойш дөрвөн жил гаруй юм хийсэнгүй. Өнгөрсөн жилээс эхлээд хувийнхаа ажил руу орж байна даа.

-Эргэн улс төрд хөл тавих уу. Сонгууль дөхсөн энэ үед ямар бодолтой байгаа вэ?

-Нэг зүйлийг онцлоход хандивын ажил бол сэтгэлийн юм шүү. Үүнийг хүмүүс ойлгоосой гэж хүсэх байна. Хандивын аян үргэлжлэн дэлгэрч байгаад баяртай байна.

Яахав сонгуулийн тухайд харж л байна. Их хурлын сонгуулиар би Төв аймагт гурван удаа нэр дэвшсэн, удаалж байсан.Миний хувьд сонгуульд орно гэдгээ эцэслэж шийдсэн юм алга. Улс төрд залуучууд, идэр насныхан оролцдог, идэвхтэй байх хэрэгтэй. Нэн ялангуяа нийгмийн идэвх сайн байхгүй бол бид хөгжихгүй. Энэ үүднээс нь ч хүмүүс улс төрийг анхаарч ярьдаг. Мөн улстөрчдийн сайн, муу, сайхан, муухай, хувийн амьдралыг сонирхож хардаг, шинждэг. Шалтгаан нь тэд маань сонголт хийх учраас.

-Хандивын үйл ажиллагааг тань сайшаахын хажуугаар саар зүйлсийг ярих нь ч байна. Таныг Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байхдаа “ДЦС-3” ТӨХК-ийн хүчин чадлыг өргөтгөх төсөлд оруулсан “Чингис” бондын санхүүжилтээс нэг сая ам.долларыг банк бусаараа дамжуулан авч, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгасан. Энэ хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хүчингүй болсон юм уу?

-Би төрийн алба хашиж байсан. Дэд сайд бол төрийн өндөр албан тушаал мөн. Би хариуцаж байсан ажилдаа хайнга хандаж байгаагүй. Улс орондоо хэрэгтэй ажлуудыг хийж бүтээчих юмсан л гэж зорьж ажилласан. Олон төсөл хөтөлбөрүүд дээр ажил үүргийнхээ дагуу хяналт тавин ажилладаг байсны нэг нь энэ төсөл. Тэдгээр төслүүдийн үр дүнд бид өнөөдрийг хүртэлх эрчим хүчнийхээ асуудлыг шийдвэрлэж чадсан. 2016 оны сонгуулийн дараагаар буюу орон нутгийн сонгуулийн өмнөхөн л хэрэг үүсгэж шалгасан. Тэр үед төрийн зүгээс шаардсан бүхий л бичиг баримтуудыг гаргаж өгч, шалгуулсан. Шалгасны эцэст хохирсон хүн, хуулийн этгээд байхгүй юм байна гэж үзээд 2019 оны тавдугаар сард хэргийг хаасан. Энэ талаарх шийдвэрийг надад бичгээр ирүүлсэн.

Одоо цагт мэдээллийн үнэн зөв, худал буруу гэдгийг ялгахад бэрх болчихож л дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Амарсайхан: Нийтийн тээврийг хөгжүүлснээр замын түгжрэлийг таван жилийн дотор шийдвэрлэх боломж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхантай ярилцлаа.


-Дэлхий нийтийг цочроосон коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг төр засгаас зохион байгуулсаар байна. Ялангуяа Монголын хүн амын тал шахам хувь нь аж төрж буй нийслэл хотын зүгээс олон талт арга хэмжээ авч ажиллаж байна. Нөгөөтэйгүүр олон орны хотуудын эдийн засгийн байдалд сөрөг нөлөө гарч байгаа энэ үед цаашид ямар арга хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Дэлхий нийтээр тархаж байгаа халдварт өвчинтэй холбоотойгоор хүндрэлтэй асуудлуудтай холбогдуулан төрийн болон засаг захиргааны байгууллагууд шат шатандаа шийдвэрээ гаргаад ажиллаж байна. Улсын болон Нийслэлийн онцгой комисс Засгийн газрын тогтоол шийдвэрийг шат шатандаа хэрэгжүүлэх, мөн Улаанбаатар хотод халдварт өвчнийг оруулж ирэхгүй байх, эрсдэлийг багасгах, иргэд, оршин суугчдаа аюулт тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалахтай холбоотой зохих шийдвэрүүдийг гарган ажиллаж байна. Нөгөө талаараа энэхүү халдварын үед улс орнуудын эдийн засагт, айл өрхийн орлогод, хотын эдийн засгийн суурь үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж байна. Мэдээж энэ асуудал хүн амын 50 хувь нь ажиллаж, амьдарч байгаа, Монгол Улсын ДНБ-ий 64 хувийг дангаараа бүрдүүлж буй, улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 74 хувь буюу 126 мянган аж ахуйн нэгж нь үйл ажиллагаа явуулж буй нийслэл хотоос зөвхөн шалтгаалахгүй. Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам зэрэг төрийн дээд шатны байгууллагуудаас бодлогын ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс ихээхэн шалтгаална. Гэхдээ нийслэл өөрсдийн хэмжээнд аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг дэмжих, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хүнд нөхцөлд оруулахгүй байх талаас нь анхаарч байна. Шаардлагатай тохиолдолд зарим асуудлуудыг НИТХ-аар оруулж шийдэн, судалгаа тооцоо хийж ажиллаж байна.

-УИХ-ын дарга жижиг, дунд бизнес эрхлэгчдийг зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөх арга хэмжээ авахыг даалгасан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын Байнгын хороодын дарга нар, Монголбанк, санхүүгийн салбарын төлөөллүүд, Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагууд бид хамтдаа УИХ-ын даргатай уулзаж санал, мэдээлэл солилцсон. Үүн дээр яригдсан гол асуудал нь хүнсний хангалт нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах асуудал байв. Хоёрдугаарт, жижиг, дунд бизнес эрхлэгчдээ түрээсийн төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх, зээлийн хүүгийн хэмжээг багасгах гэх мэт асуудал яригдсан. Ямартаа ч Улсын Их хурлын даргын зүгээс аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гаргах, давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн энэ үед хүүгийн төлбөрийг багасгах, бууруулах, зээл төлбөрийн хугацааг хойшлуулах зэрэг арга хэмжээг авч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгч, судлуулахыг Байнгын хороодод даалгасан. Дээрээс нь Монголбанкнаас бодлогын хүүг буулгах замаар арилжааны банкны хүүг бууруулах асуудлыг хөндсөн. Нийслэлд дийлэнх аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа учраас энэ бодлого, шийдвэрүүд тэдгээр байгууллагуудад дэмжлэг болно гэж харж байгаа.

-Та Хотын даргаар томилогдсоноосоо хойш юунд голлож анхаарлаа хандуулав, хэр үр дүнд хүрсэн гэж харж байгаа вэ?

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийслэлийн өмнө тулгарсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч, энэ хүрээнд ажлуудаа эрэмбэлсэн. Мэдээж хотын ажил өргөн хүрээтэй. Аж ахуйн болон бодлого, тооцоо, төлөвлөлт, зохион байгуулалт, удирдлага, хяналт, гүйцэтгэл гээд бүх талын ажлууд багтдаг. Бидний хамгийн том зорилт бол 2019-2020 оны өвөлжилтийг өнтэй давах, Улаанбаатар хотын 220 гаруй мянган айл өрхийг сайжруулсан түлшээр хангах явдал байв.

Үйлдвэрлэлт, түлшний нийлүүлэлт тасрах л юм бол Улаанбаатар хот гал алдсантай ялгаагүй. Иймд бид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, түлшний түгээлт нийлүүлэлтийг хэвийн байлгах, айл өрхийг гал алдуулахгүй байх дээр анхаарч ажилласан.

Хоёрдугаарт, энэ онд хийх төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлж, хотыг стандарттай болгох том бодлогын ажлыг эхлүүлсэн. Мөн энэ онд хэрэгжүүлэх зам, дэд бүтэц, эрүүл мэнд, нийгмийн салбарын хөрөнгө оруулалтуудаа төлөвлөх, судлах замаар нийтийн тээврийг шинэчлэх, агаарын бохирдлыг бууруулах ажлаа цааш үргэлжлүүлнэ. Айл бүрийг орон сууцжуулах, орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг ч хэрэгжүүлж эхлээд байна.

Гуравдугаарт, 2050 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт 2040 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх бодлогоо хэрхэн уялдуулж ажиллах вэ гэдэгт анхаарч байгаа.

-Энэ өвөл нийслэлчүүд анх удаа түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэллээ. Хэдийгээр утаа буурсан ч хөө, тортог их гардаг, угаартах эрсдэл үүсгэдэг нь сөрөг тал болж байх шиг. Ирэх жилүүдэд шахмал түлшний стандарт сайжрах уу?

-Энэ өөрөө шинэ ажил, анхны шийдэл. Алдаатай, оноотой зүйлүүд олон бий. Анхаарч засах зүйлүүд ч мөн их байна. Утаа 50 хувиар буурсан ч гэсэн үйлдвэрийн орчноос эхлээд үргэлжлүүлж сайжруулах асуудлууд бий. Утаа бууруулж байна гээд тортог гаргаад, энэ нь дараа нь шийдэж боломгүй том хүндрэл болохоос сэргийлэх нь зүйтэй. Шахмал түлшний хоёр дахь үйлдвэр Налайх дүүрэгт баригдах Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ үйлдвэрийн хувьд тоосжилтгүй, ажиллагсдын эрүүл мэндэд хоргүй, байгаль, орчинд ч сөрөг нөлөөгүй байх технологийн шийдлүүдээ гаргаж, шинэчлэл хийх юм. Ингэснээр дээрх асуудлууд бүрэн шийдвэрлэгдэнэ. Цаашид ч технологио улам сайжруулж, түгээлт, нийлүүлэлтээ нэмэгдүүлэх, бүх талын зохион байгуулалтыг стандартад нь хүргэх том зорилт бий. Ямар ч байсан үзэгдэх орчин хомс, хоолой, ам хорсож байсан үе өнгөрч, богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулж чадлаа. Энэ бол тун дорвитой ахиц. Бид агаарын бохирдлыг ирэх өвөл гэхэд 80 хувь бууруулах зорилт тавин ажиллаж байгаа.

Агаарын бохирдлыг цогцоор нь бууруулах гол шийдэл бол айл өрхүүдийг орон сууцжуулах явдал. Орчин үеийн, хөгжингүй хотыг бий болгохын тулд урт, дунд хугацааныхаа бодлоготой уялдаж ажиллан, шинэ хот, дүүргүүдийн төслийг хэрэгжүүлэх замаар айл өрх бүрийг чанартай, хүртээмжтэй, нийгмийн бүх үйлчилгээний бүтэц бүхий орон сууц, хотхон, хороололтой болгох ёстой. Амины орон сууцанд амьдрах боломжийг нь олгохын тулд дэд бүтцийг нь татаж өгөх, байгаль орчин ээлтэй шийдэл буюу нар, салхи, байгалийн хийнээс цахилгааны эх үүсвэрийг шийдэх хэрэгтэй. Бид нийслэлд орон сууцны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нэг орон сууц баригдвал тэр хэмжээгээр яндангийн тоог бууруулах бодлогыг барьж ажиллаж байгаа. Гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдээ хамгийн багадаа таван га цаашлаад 100, 200 га газарт орон сууцаа төлөвлөөд, сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах нь зүйтэй гэж харж байгаа юм. Эрүүл мэнд, боловсрол, орчин үеийн шийдэл бүхий орчин байх ёстой л гэж зорьж байгаа. Хотын хаана амьдарч байхаас үл хамаараад зам, талбай, үйлчилгээний газрууд, барилга байшин, төрийн үйлчилгээ нь ч нэг л стандарттай байх ёстой. Энэ ажил амжилттай хэрэгжиж эхэлж байгаа. Эхний айлууддаа төслүүдээ хэрэгжүүлээд эхэлчихсэн.

-Утааг бууруулсантай адил хотын түгжрэлийг бууруулах боломж юу байна вэ. Дүүжин зам, тусгай замын автобус гэх зэрэг ажлууд эхлэх болж байна уу. Утааг бууруулсан шиг үр дүн хэзээ харагдах вэ?

-Хэрвээ шийдвэрээ зөв гаргаад, зохион байгуулалтаа зөв хийгээд, дорвитойхон ажиллаж чадвал түүнийг нь иргэд, аж ахуйн нэгж нь дэмжиж оролцвол Улаанбаатар хотод 20, 30 жилийн турш тулгамдсан асуудлыг маш богино хугацаанд шийдэж болох юм байна гэдгийг бид харлаа. Нэгдүгээрт, утааг бууруулсан ажил үүнийг харуулж байна. Хоёрдугаарт, Налайх Чойрын чиглэлийн 20.9 км замын ажил байлаа. Энэ нь хоёр жилийн хугацаанд хийгдэх ёстой байсан ажил. Бид хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, 20 км замыг зургаан сарын дотор л өндөр чанартай хийж гүйцэтгэж болдог юм байна гэдгийг харууллаа.

Цаашдаа нийслэлийн түгжрэлийн асуудлыг ч бүрэн шийдэх боломжтой гэж үзэж байгаа. Үүний тулд бид хэд, хэдэн шийдлийг гаргаж байгаа. Таван жилийн хугацаанд нийслэлийн түгжрэлийг бууруулах боломжтой. Нийтийн тээврийн парк шинэчлэлийг нэн даруй хийхээс гадна шинэ төрлийн үйлчилгээнүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Нийслэлийн айл өрх, оршин суугчдын амьдарч байгаа орчны онцлогт нь тохируулж хэд, хэдэн төрлийн нийтийн тээврийн шинэчлэлийг цогцоор нь нэвтрүүлнэ. Жишээ нь, Баянхошуу, Толгойт, Чингэлтэйд уулын оройд амьдардаг хүн олон. Тэр хэсэгт нь агаарын дүүжин тээврийг нэвтрүүлэх юм. Энэ төсөл ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжээд эхэлнэ. Харин хотын төвийн Энхтайваны гудамжаар цахилгаан соронзон галт тэрэг явуулна. Толгойтоос Офицерын ордон, Амгалангийн буудал хүртэл зам нь тавигдах уг галт тэрэг өдөрт 210 мянган зорчигчийг тээвэрлэх хүчин чадалтай. Одоо байгаа төмөр замыг Богд уулын урдуур гаргаж, хамгаалалтын зурвасаар нь хоёр эгнээ хагас хурдны зам тавих юм. Цахилгаан соронзон галт тэргийг Толгойтоос Улиастайн гүүр хооронд явуулах юм. Эндээсээ шинэ Нисэх буудал хүртэл түргэн замын автобус явуулна. Цахилгаан соронзон галт тэргийн гурав дахь үе шат болгож шинэ, хуучин нисэх онгоцны буудал, Майдар, Налайх хотуудыг тойруулж оруулж ирэхээр төлөвлөөд байгаа. Цахилгаан соронзон галт тэрэг, агаарын дүүжин тээвэр, тусгай замын автобус зэрэг нийтийн тээврийн шинэчлэлийн ажлыг Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх бодлоготойгоо уялдуулж, зорчигч, ачаа тээврийн үндсэн дэд бүтцийн төлөвлөлтийг хийж байгаа. Үүнтэй уялдуулан бизнесийн, тусгай замын, аялал жуулчлалын, сургуулийн автобус гэхчлэн богино рейсийн чиглэлүүдийг нэвтрүүлэх юм. Сургуулийн автобусыг шаардлагатай хэмжээнд хүртэл тоог нь нэмээд өгвөл өдөрт хүүхдүүдээ зөөж байгаа 40 мянган автомашинуудыг 50 хувиар бууруулах боломжтой. Мөн нийтийн тээврийн бас нэгэн төрлийн үйлчилгээ болох такси үйлчилгээг орчин үеийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн өөрчилж, шинэ шатанд гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Ингээд нийтийн тээвэрт олон төрөлт үйлчилгээг нэвтрүүлснээр замын түгжрэлийг таван жилийн дотор шийдвэрлэж, хөгжингүй орнуудын түвшинд хүргэх боломж байна.

Үүний хажуугаар автомашинуудын зарим стандартад тавих шаардлагуудыг хууль эрх зүйн хүрээнд шийдэх шаардлага ч байна. Ямар шаардлага хангасан автомашин импортоор оруулж ирэх, Улаанбаатар хотод зорчих тээврийн хэрэгсэл ямар стандарттай байх вэ гэдгийг бодлогоор зохицуулах ёстой.

-Энэ жил нийслэлд ямар бодлогын ажлууд, бүтээн байгуулалтууд өрнөх вэ?

-Нийслэл хот улсад төсвийнхөө нэлээд хувийг төвлөрүүлдэг учраас бие дааж хийх олон ажлууд нь хязгаарлагддаг. Энэ жил л гэхэд бид улсад 319 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ. Энэ хэрээр л нийслэлд хийх хөрөнгө оруулалтын ажлууд буурч байна гэсэн үг. Гэхдээ бид байгаа нөөц бололцоондоо тулгуурлаад ажлуудаа явуулж байгаа. Сая хэлсэнчлэн нийтийн тээврийн олон төрөлт үйлчилгээг нэвтрүүлэх замаар түгжрэлийг бууруулах, автобус парк шинэчлэл, дэд төвүүдийн ажлаа урагшлуулах, орон сууцны хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх, зам, дэд бүтцийн ажлуудаа үргэлжлүүлнэ. Энэ жил анх удаа Улаанбаатар хотод 52.7 км дугуйн болон явган замын иж бүрэн төсөл хэрэгжиж эхэлнэ. Энэхүү дугуйн зам нь Яармагаас Зайсан, Зайсангийн гүүрээс Маршал, Маршалаас Баянзүрх, Баянзүрхээс Налайх хүртэл тавигдах юм. Баруунаас зүүн хүртэл иргэд ямар нэгэн аюулгүй, торох зүйлгүйгээр зориулалтын дугуйн замаар явах боломж бүрдэж байгаа юм. Мөн олон нийтийн аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор цагдаагийн, эрүүл мэндийн салбарын, түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах маш олон ажлууд төлөвлөгдөөд явж байна. Сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлууд ч хийгдэнэ. 2020 оныг бид стандартын жил болгон зарласан. Үүнээс хойш Улаанбаатар хотод ямар ч ажил хийгдэх байсан тогтсон хэм хэмжээ, стандартын дагуу явагдах болно.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил, Түрээсийн орон сууцны асуудал иргэдийн анхааралд байсаар байна. Үүнтэй холбоотойгоор ямар ажлууд хийгдэх вэ?

-Түрээсийн орон сууцны тухайд бид түрээслээд өмчлөх хэлбэрийг анх удаа нэвтрүүлсэн. Бид иргэдээ санхүүгийн болон төлбөрийн дарамтгүйгээр байр авах боломжийг нь олгож байгаа. Газраа чөлөөлөхөөс нь өмнө орон сууцыг тань яг хүссэн хэмжээнд нь барина, та шууд газраа чөлөөлөөд л нүүгээд орж болно.

Та өөрийн боломжоороо тав, эсвэл 10, 20 жилийн хугацаанд төлбөрөө төлөөд орон сууцаа өмчлөх боломжтой. Орон сууцныхаа сарын төлбөрийг төлөнгөө байраа өмчлөх боломжтой болж байна гэсэн үг. Түрээслээд өмчлөх нь хамгийн зөв хэлбэр учир бид үүнийг л цаашид баримтална. Үүнээс гадна Улаанбаатар хотын айл өрх, байшин, гудамжууд ямар байх вэ гэдгийг авч үзнэ. Хэрэв та газраа чөлөөлөхгүй, орон сууцанд орохгүй гэвэл хашаандаа яг ийм л орон сууц барина, хашааны гадна тал, зам нь ийм байна гэсэн стандарттай болгох юм. Баянхошуунд, Чингэлтэйн долдугаар хороонд загвар нь бий болчихсон байгаа. Нийтдээ 80 мкв хэмжээтэй. Нэг айлын 0.7 га газарт дөрвөн айл орон сууцаа барьчихсан байгаа. Ийм маягаар барьж, гэр хорооллын орчин нөхцөл сайжрах болно.

Мөн энэ жил онцлох хамгийн том бүтээн байгуулалт бол Морингийн даваанд 149 га газарт Орлогод нийцсэн орон сууцны томоохон төслийг эхлүүлж байгаа явдал. Баянголын ам, Ханын материалд гээд энэ жил нийслэлд 10 мянган айлын орон сууцны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Нийслэлийн дэд төвүүд буюу Сэлбэ, Баянхошуу руу дэд бүтцийн 30 км хос шугамуудыг татчихсан. Сургууль, цэцэрлэг, усан сангууд нь ч баригдчихсан. Одоо Баянхошуунд орон сууцжуулах ажлыг эхлүүлнэ. Хүмүүс гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах ажил зогсчихлоо л гэдэг. Бид эхлээд дэд бүтцийг нь татаж дуусгах, 5-6 га газарт барилгаа барьчихаад дараа нь бэлэн орон сууцандаа иргэдээ нүүлгэж оруулдаг байх том ажлуудыг эхлүүлээд явж байна. Энэ мэтчилэн бид ажлуудаа тодорхой үр дүн гарахуйц, хөрсөн дээр буух байдлаар зохион байгуулж байна. Хотын өмнө тулгамдсан асуудлуудыг зөвхөн өгөө, аваа, ашиг хонжоо, сонгуулийн дөрвөн жилийн хүрээнд бус, урт хугацаанд өгөөжөө өгөх байдлаар бодлогоо тодорхойлж, ажлаа хийж байгаа.

-Дагуул хотын асуудал энэ хавраас явах уу. Майдар, Аеросити зэрэг дагуул хотуудын ажил юу болж байгаа бол?

-Шинэ хотын ажлууд энэ жил эхэлнэ. Засгийн газарт өргөн бариад УИХ-д өргөн барьчихсан. Жишээ нь, Майдар хотын асуудлыг. Мөн Налайх, Багануур дүүргийг улсын статустай бие даасан хот болгох, бодлогын баримт бичигт тусгах, эрх зүйн орчноо бүрдүүлэх зэрэг асар өргөн хүрээтэй ажлууд судлагдаж, төлөвлөгдөж, эхнээсээ ажил хэрэг болоод явж байна. Багануур, Налайхыг улсын статустай хот болгосноор төсвийн төвлөрлийг сааруулж, бие даан төсөв санхүүгээ бүрдүүлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж хөгжих боломж нь бүрдэнэ. Ингэж байж хотын хүн амын төвлөрөл саарна. Үүнийгээ дагаад ч замын түгжрэл, бөөгнөрөл сарних боломжтой.

-Төвлөрөл, түгжрэлийг сааруулах зорилготой хэмээн анх барилгын ажлыг нь эхлүүлсэн Хан-Уул дүүрэг дэх шинэ байр луугаа Улаанбаатар хотын захиргаа хэзээ нүүх вэ. Хотын захиргааг нүүлгэх нь хоёр талтай ч гэдэг. Таны байр суурь ямар байгаа вэ?

-Барилгын ажлууд бүрэн дуусаагүй байна. Янз бүрийн байр суурь ч байсан. Цаашдаа нүүх нь зөв гэдэг. Гэхдээ бид тэнд зарим хэсгийг нь залуучуудын мэдээлэл технологийн салбарын мэдлэг боловсролоо дээшлүүлэх, гэр бүлээрээ очиж цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, Улаанбаатар хотын шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төвийг байгуулж байна. Иргэд тэнд очиж технологийн салбарын мэдлэг боловсролоо дээшлүүлэх юм. Нөгөө хэсэгт нь мэдээж хотын захиргааны үйл ажиллагаа явна. Түүнийг дагаад зарим төрийн үйлчилгээнүүд задрах ёстой. Бид хотын захиргааны шинэ байрыг тэр чигт нь Үндэсний шинжлэх ухаан мэдээлэл технологийн төв болгоё гэдэг саналыг Засгийн газарт оруулсан боловч “Эхэлж гаргасан шийдвэрээрээ явах нь зөв юм байна” гэсэн шийдвэрийг гаргасан. Бид дээд шатныхаа шийдвэрийг хэрэгжүүлж, биелүүлэхээс өөр аргагүй.

-Хотод эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муу байгаа нь иргэдийг бухимдуулдаг. Таны үед хэдэн эмнэлэг, цэцэрлэг, сургууль ашиглалтад оров. Энэ жил хэдийг барих вэ?

-Өнгөрсөн жил Улаанбаатар хотод 73 цэцэрлэг, 37 сургууль шинээр ашиглалтад орсон. Энэ жил нийтдээ 278 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Өнгөрсөн жилийн бидний гол зорилго бол Улаанбаатар хотын хэмжээн дэх гурван ээлжээр хичээллэж байсан сургуулиудыг хоёр ээлжинд оруулах байсан. Энэ зорилтоо ч хэрэгжүүлж, бүх сургуулийг хоёр ээлжинд оруулсан. Цаашдаа салбарын яам, нийслэл анхаарч аль болох тухайн орчинд нь тохирсон сургууль, цэцэрлэгийг барьж байгуулахыг зорино.

Хүн амын өсөлт хурдацтай явагдаж, жил ирэх тусам сургуульд суралцагчдын тоо нэмэгдсээр байна. Үндсэндээ сургууль, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо жилд 80 мянгаар өсч байна. Үүнийг дагаад сургууль, цэцэрлэгийн хэрэгцээ үргэлж байх болно. Нэг шийдээд бүх зүйл нь болчих салбар, ажил биш учраас цаг хугацаатай нь уялдуулаад аль болох хүртээмжтэй, стандартыг өндөр хэмжээнд барьж шийдвэрлэнэ.

-Сүүлийн үед хотын соёл гэж нэлээд ярих боллоо. Таныхаар нийслэл хотын иргэн гэж ямар байх ёстой вэ?

-Хотын соёл гэдэг олон талтай, өргөн ойлголт. Бид “Хотын соёлын довтолгоо II” гэж хэрэгжүүлж эхлээд байна. Хотод амьдарч байгаа нь, ирж байгаа нь ч хотын дүрэм журмыг сахиж, соёлтой, хариуцлагатай, оролцоотой байя гэж уриалж байгаа хэрэг. Энэ бол иргэдийн өөрсдийнх нь эрх ашгийнх нь л төлөө юм. Гараад алхахад гудамж талбай, орчин нь аюулгүй, эрүүл, эрсдэлгүй байх бүхий л боломжийг бүрдүүлэхийн тулд хотын соёлыг бий болгох гээд байгаа юм. Энэ бүхний гол төв нь манай иргэд, оршин суугчид юм.

Хотын дарга, албан хаагчид л соёлтой хот болох ёстой гэж хэлээд бүх зүйл болчихгүй. Хотын соёл, дүрэм журам, хотын иргэнд үйлчлэх зарчим гээч зүйл алдагдчихсан учраас л гудамж талбайгаараа дүүрэн хог, үнстэй байгаа юм. Хашаанаасаа, гэрээсээ л хогоо гаргачихвал өөрийнх нь хог биш болчих мэт ойлгодог. Гэтэл хогоо хаясан тэр л газраар өөрсдөө явдаг, хүүхдүүд нь тоглодог шүү дээ. Тиймдээ ч хотын соёлыг бий болгохын тулд иргэдийн оролцоог хангах нь чухал байгаа юм. Үүнд манай хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг оролцоо тун чухал. Хүмүүсийг зөв дадалтай, эерэг хандлагатай байлгаж чадвал аяндаа бие биедээ зарчмын шаардлага тавьдаг, буруу зөвийг нь хэлдэг болно. Үүний эцсийн зорилго нь яриад, хүсээд байдаг сайхан орчноо хамтдаа бий болгох явдал юм. Бид хотын соёл, хотын иргэний үүрэг хариуцлагын чиглэлээр ажлууд хийж, түүнийг хянаж ч байгаа. Тодруулбал, хотод одооноос эргүүлүүд ажиллаж байгаа. Хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс гадна хотын 179 хорооны 3000 гаруй хэсгийн ахлагч, нийгмийн ажилтнууд, олон нийтийн цагдаагийн эрхтэй хотын эргүүлүүд ажиллаж байна. Тэднээс гадна хууль хүчний байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, ажил хийх бүрэн боломжтой, хууль журмаа мэддэг ахмадуудаа олон нийтийн цагдаагаар мөн ажиллуулж байгаа юм. Нус, цэрээ хаях, энд тэнд бие засдаг байдлыг хянах юм. Тэдэнд шүгэл, цагаан хоолой өгч гаргаж байгаа. Хэн нэгэн шүлсээ хаявал араас нь шүгэлдэнэ, дахиад баригдвал нэр, зүсээр нь дуудна, араас нь хөөнө. Нээлттэй аппликэйшныг ч бий болгож байна. Хэрэв хэн нэгэн зохисгүй үйлдэл гаргавал зургийг нь аваад өнөөх аппликэйшн руугаа оруулчих нь. Түүнийг нь хүн бүхэн харна. Ингэж олон нийтийн оролцоотойгоор соёлжуулах юм. Энэ бол зөвхөн өнөөгийн халдвартай үеийн нөхцөл байдалтай холбоотой авч хэрэгжүүлж байгаа ажил биш юм. Энэ бол хотын соёлыг төлөвшүүлэх урт хугацааны ажил.

-Таны хамгийн амжилттай хийж гүйцэтгэсэн ажил гэвэл юуг нэрлэх вэ. Хувьд ч тэр, төрд ч тэр?

-Хотын амьдралыг нэг жилийн дотор бүгдийг нь цэгцлэх боломж үгүй. Харин зөв голдрилд нь оруулах гээд явж байгаа зүйлүүд олон бий. Нэн тэргүүнд бүх шатанд, бүх зүйлийг ил тод байлгахыг зорьж байна. Хүн болгон урдах ажилдаа эзэн байж, хариуцлагатай хийгээд явбал юунд хүрч болохыг бид бэлээхэн харлаа. Тиймдээ ч зарчмын ямар шаардлага тавих ёстойгоо л хамгийн сайн мэдэж байна. Тэр шаардлага хотын өдөр тутмын ажлын бичигдээгүй хууль байх ёстой. Энэ бол миний хийж байгаа, чадах ёстой зүйлийн нэг гэж боддог. Алдаж, онож байгаа зүйлүүд байхыг үгүйсгэхгүй. Эцэст нь Амарсайхан нийслэлийн ажилд юуг хэвшүүлсэн бэ гэдгийг иргэд л дүгнэнэ. Юуг хийж чадаж байна вэ гэдгийг ч иргэд л дүгнэх болно. Хот бодлогоо гаргана, түүнийг хэрэгжүүлэхэд иргэд оролцоно, эцэст нь бүгдээрээ үр дүнгээ үзнэ. Хотын асуудлыг бүрэн цэгцэлнэ гэвэл хамгийн багадаа тав, 10 жилээр үргэлжилж байж үр дүнд хүрдэг. Гэхдээ тэр ажлыг хэрхэн, яаж хэрэгжүүлэх вэ гэдгээс маш их зүйл хамаардаг.

Categories
мэдээ цаг-үе

Я.Буянжаргал: Коронавирусийн түргэвчилсэн оношлуурыг авах талаар ОХУ, БНСУ-д хүсэлт илгээгээд байна

Дэлхийн улс орнуудад тархаад байгаа коронавирусийн халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалтай ярилцлаа.


-Коронавирус тархсантай холбоотойгоор Засгийн газар тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Үүнд Эрүүл мэндийн яамны оролцоо хамгийн их байгаа нь мэдээж. Энэ талаар тодруулаач?

-“Өдрийн сонин”-ы нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэж, эрүүл энхийг хүсье.

Нэгдүгээрт, Бид бодлогын түвшинд тодорхой шийдвэрүүдийг гаргуулан ажиллаж байна. Иргэд төр засгийнхаа шийдвэрийг сайтар биелүүлж байгааг мөн дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

Бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд цаг үеийн нөхцөл байдлын талаар болон хариу арга хэмжээний талаарх мэдээллийг тогтмол хийж байна. УИХ-ын чуулганд УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хороонд танилцуулга мэдээлэл хийсэн.

Хоёрдугаарт, Гамшгаас хамгаалах хуулийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, Шадар сайдын 2017 оны 08 дугаар тушаалын дагуу “Тохиолдлын удирдлагын тогтолцоо”-нд шилжин, төлөвлөгөөндөө дахин тодотгол хийж, хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн сайдын албан даалгавар, тушаал, журмуудыг гаргаж, хэрэгжүүлж, хэрэгжилтийг хянаж ажиллаж байна.

Гуравдугаарт, Мэргэжлийн зөвлөх эмч нарын багийг байгуулан, иргэдэд чиглэсэн халдвараас сэргийлэх, дархлаагаа сайжруулах чиглэлээр мэдээлэл зөвлөмж, зөвлөгөөг тогтмол өгч ажиллаж байна. Монголын уламжлалт анагаахын чиглэлээр ажилладаг эрдэмтэд мөн иргэдэд чиглэсэн зөвлөгөөг өгч байна. Эрчимт эмчилгээний зөвлөхүүд маань эмч нарт зориулсан амь тэнсэн үеийн тусламж үйлчилгээний сургалт, амьсгалын аппаратуудад хэрхэн ажиллах заавруудыг өгч ажиллаж байна.

Дөрөвдүгээрт, Эмнэл зүйн болон тархвар судлалын заавар, журам, удирдамжийг боловсруулан, эмч мэргэжилтнүүддээ сургалт хийж бэлтгэлээ. Шаардлагатай тохиолдолд дайчлагдан ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтний судалгааг гарган ажиллаж байна. 1824 дадлагажигч эмч, анагаахын чиглэлээр сургалт эрхэлдэг найман сургуулийн төгсөх курсийн 1340 оюутан, мөн эмнэлэг хооронд төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр ажиллуулах 159 эмч, 66 сувилагчийг бэлтгэлээ. Эдгээр эмч мэргэжилтнүүд маань тусгаарлан, сэргийлэлт хийж байгаа байгууллагууд, нийслэлийн автотээврийн постуудад дайчлагдан ажиллаж эхэлсэн.

-Коронавирус тархсантай холбоотойгоор Засгийн газраас Эрүүл мэндийн яаманд тодорхой төсвийг гаргасан. Шаардлагатай хэрэгслүүд тодорхой хэмжээнд хангагдаж чадсан уу?

-Тийм ээ. Монгол Улсын Засгийн газар коронавирусийн халдварын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад онцгой анхаарч ажиллаж байна. Эрүүл мэндийн яамнаас манай улсын хүн амын дунд уг халдвар хэрвээ гарвал халдварлах эрсдэл, тархах эрсдэл, хүндрэх тохиолдол хэр байхыг бид бусад улс орны эрдэмтдийн хийж байгаа судалгаа тооцоолол, магадлалд үндэслэн тооцоолсон. Үүний үндсэн дээр хэрэгцээг урьдчилан тооцоолж бэлтгэлийг хангаж ажиллаж байна. Бид Засгийн газраас шийдвэрлэсэн санхүүжилт, олон улсын байгууллага, иргэдийн хандив тусламжийг зориулалтаар нь зөв зарцуулж, ил тод нээлттэй мэдээлж ажиллаж байгаа. Засгийн газрын нөөц сангаас олгосон 4.2 тэрбум төгрөгийг нэн шаардлагатай тоног төхөөрөмж, зөөврийн рентген аппарат, хамгаалах хувцас хэрэгсэл, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авч, ХӨСҮТ, бусад лавлагаа төвүүд, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, хилийн боомтуудтай сумдын эрүүл мэндийн төвүүдэд хуваарилсан. ЭМЯ-аас ДЭМБ-тай хамтран НҮБ-ын Эрүүл мэндийн кластерийн уулзалтыг гурван удаа зохион байгуулсан. Уг уулзалтад НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ОУ-ын байгууллагууд, дипломат төлөөлөгчдийн газар, Элчин сайдын яамдын төлөөллүүд уригдан оролцсон. Бид үүсээд байгаа нөхцөл байдлаа танилцуулж, техникийн болон санхүүгийн дэмжлэг хүсч ажилласан. Ингэснээр, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгээр амьсгалын аппарат, өвчтөний хяналтын монитор, дуслын болон тарианы шахуурга, халуун хэмжигч зэрэг олон тоног төхөөрөмжүүдийг авч байна. ДЭМБ, ЖАЙКА зэрэг байгууллагуудаас өгсөн хамгаалах хэрэгсэл, эм эмнэлгийн хэрэгслийг эмнэлгүүдэд хуваарилсан. ДЭМБ-аас хандивлаж байгаа 565 кг хувийн хамгаалах хэрэгсэл Сингапураас ачигдаж Туркийн Истанбул хотоор дамжин, 2020 оны өнөөдөр “Turkish Airlines” нислэгээр Улаанбатар хотод бууна. НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр мэдээлэл сурталчилгааны материалыг хэвлүүлэн, нийтэд түгээж байна. Үүнээс гадна, иргэд аж ахуйн нэгж байгууллагууд бидэнд их дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Тэд амны хаалт, эм, эмнэлгийн хэрэгсэл, дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн, бэлэн мөнгө бэлэглэж байна. Бид эдгээр хандивыг бүгдийг нь бүртгэж авч, Эрүүл мэндийн сайдын тушаалаар хуваарилан, зарцуулж, ил тодоор мэдээлж байгаа.

-Гадны орноос ирж буй иргэдэд хяналт тавихын тулд нисэх буудал дээр шуурхай алба ажиллаж байгаа юм билээ. Хүчин чадал хүрэлцэж байгаа юу?

-Коронавирусийн халдвар (КОВИД-19)-аас сэргийлэх, бэлэн байдлыг хангахад төрийн олон байгууллагууд хамтран ажиллаж байна. Үүнд ОБЕГ, МХЕГ, ЦЕГ, Хил хамгаалах газар, Харилцаа холбооны зохицуулах газар, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Зам тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, аймгуудын Засаг дарга нар бүгд баг болж шуурхай хамтран ажиллаж байгаа. Иймд, энэхүү хариу арга хэмжээнд эрүүл мэндийн салбартай хамтран ажиллаж байгаа бүх байгууллагуудад энэ дашрамд талархал илэрхийлье.

ДЭМБ-ын ерөнхий захирал, шадар ерөнхий захирал, ДЭМБ-ын НДББ-ийн захирал нар бүгд хэлсэн үгэндээ “Коронавирусийн халдвараас сэргийлэхэд салбар дундын хамтын ажиллагаа мэдээллийн зөв урсгал чухал..” гэдгийг сануулж байгаа. Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа иргэдээс асуумж авах, тандалт судалгаа хийх, урьдчилсан үзлэг хийж, эрэмбэлэн ангилах зэрэгт төрийн байгууллагууд өөр өөрийн чиг үүргийн дагуу оролцож байгаа. Манай ХӨСҮТ-ийн баг Буянт-Ухаагийн Чингис хаан нисэх онгоцны буудалд ирсэн зорчигчдыг эрэмбэлэн ангилж үзлэг хийж байгаа. Мөн Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ зэрэг аймгуудын Эрүүл мэндийн байгууллагуудын эмч нар хилийн боомтуудад ажиллаж галт тэргээр, автомашинаар болон явганаар ирсэн иргэдэд үзлэг хийж ажилласан, одоо ч ажиллаж байгаа.

Мэдээж энэ бол эрүүл мэндийн салбарын хэвийн үйл ажиллагаанаас хэд дахин давсан ачаалал болж байгаа. Гэхдээ манай салбарын эмч, эрүүл мэндийн ажилтнууд мөн төрийн албан хаагчид бүгд Монгол Улсын иргэн бүрийн эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр, хичээн ажиллаж байгаа. Иргэд маань ч бидний энэ зүтгэлийг үнэлж байнга талархал илэрхийлж, урам хайрлаж байна.

Ялангуяа, БНХАУ-ын Ухань хотоос 31 иргэнийг авчрахад ГХЯ, ЗТХЯ, ИНЕГ, МИАТ, хууль хяналтын байгууллага хамтран авч ирсэн. Нисэх багийн бүрэлдэхүүнд ХӨСҮТ-ийн халдвартын эмч, тархвар судлаач нар ажилласан.

-Халдвар тархсан бүс нутгаас ирсэн иргэдийг тусгаарлаж байгаа. Одоогоор нийт хичнээн иргэд хамрагдаад байна вэ?

-Дээрх дурдсан тооцоололд үндэслэн, УОК-оос өгсөн чиглэлийн дагуу ажиллаж, ХӨСҮТ-д 200, УХТЭ-т 250, ЦТЭ-570, ОБЕГ-ын сургалтын төв- сувилалд 120, Асралт мед эмнэлэгт 100, БХЯ-ны харьяа Бага баян дахь амралтын газрын 200 орыг чөлөөлж, сэжигтэй тохиолдол болон ажиглалтад байгаа тохиолдлуудыг хянаж байна.

Бид нэгдүгээр сарын 9-нөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 783 хүнийг ажиглалтад авч, хянасан. Одоогоор улсын хэмжээнд 413 хүн ажиглалтад байна.

Мөн сэжигтэй тохиолдол гэж нийт 250 хүнийг тусгаарлан, шинжилгээ хийсэн. Одоо байдлаар долоон хүн тусгаарлан, хянагдаж байна.

-Тусгаарлагдсан иргэдээс янз бүрийн шаардлагууд тавьж байгаа. Үүнд ЭМЯ ямар байр суурьтай байгаа вэ. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа бол?

-Бид БНСУ, БНХАУ, Япон, Итали, Иран улсаас ирсэн иргэдийг ямар нэгэн зовиур илрэхгүй байсан ч 14 хоног тусгаарлан ажиглалтад авч байгаа. Ихэнх иргэд бидний өгч байгаа зөвлөмж, санамж, сэрэмжлүүлгийг биелүүлж, эрүүл мэндийн салбарынхантай хамтарч байгаа.

Гэхдээ зарим нэг иргэд өрөө тасалгаагаа голох, эмч мэргэжилтнүүдийг доромжлох, гадаадаас авч ирсэн архиа уух, тамхи татах гэж уурлах, хоорондоо зодолдох, эмчид үзүүлэхгүй байх, биеийн халуун эрүүл мэндийнхээ талаарх мэдээллийг өгөхгүй зохион байгуулалттайгаар эсэргүүцэх, мэдээллээ өгөхгүй байх зэрэг хүндрэл учруулах явдал гарч байгааг хэлье. Мэдээж, иргэд цочирдож байгаа байх. Гэхдээ бухимдлаа эмч мэргэжилтнүүдэд гаргаж болохгүй. Нэг иргэний хариуцлагагүй үйлдэл улс оронд ямар их аюул хохирол учруулж байгааг бид зарим орны сургамжаар харж байна.

Иргэнийг тусгаарлан ажиглаж байгаа нь түүний эрүүл мэндийн хамгаалж, гэр бүл үр хүүхэд хайртай бүхнийг нь халдвараас сэргийлж байна. Цаашлаад Монгол эх орны аюулгүй байдал яригдаж байна. Ийм үед иргэн бүр хариуцлагатай байх ёстой. Бид аливаа зөрчил гаргаж байгаа иргэнд байдлыг тайлбарлаж ойлгуулж байна. Үнэхээр боломжгүй тохиолдолд хууль хяналтын байгууллагуудад мэдээлж байгаа. Иргэдийг тусгаарлан хянах, ажиглалтад авахад манай салбарын эмч, мэргэжилтнүүд үр хүүхэд гэр бүлээ орхиод тусгаарлагдан иргэдтэй хамт тусгаарлагдаж, ажилладаг гэдгийг иргэд мэдэж байгаа байх аа.

-Коронавирусийн шинжилгээг манай улс авч буй. Сорьц бүрийг шинжлэх боломж бололцоо байгаа юу. Хэр баталгаатай гэж та бүхэн үзэж байгаа вэ?

-Анх Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнтэй холбогдож, 200 ширхэг оношлуурыг анх авч коронавирусийн оношилгоог шуурхай хийсэн. Дараа нь мөн төвөөс 1000 ширхэг, ДЭМБ-ын шугамаар 3000 ширхэг оношлуурыг хүлээн авч, оношилгоог хийж байна. Одоо бид түргэвчилсэн оношлуурыг авах талаар ОХУ, БНСУ-д хүсэлт илгээгээд ажиллаж байна. ХӨСҮТ-ийн вируслогийн лаборатори нь дэлхийн 120 орны лабораторийн сүлжээнд холбогдсон. Шинжилгээг Австрали, Япон, Хонконг улсад баталгаажуулдаг.

Коронавирус илрүүлэх шинжилгээг манай лаборатори хийгээд интернэт-сүлжээгээр Японы ХӨСҮХ-гийн лабораторид давхар хянуулж байгаа. Мөн бид нийслэлийн дүүрэг, лавлагаа төвүүдэд уушгины хатгалгаа оноштой эмчлэгдэж байгаа 60 тохиолдлыг санамсаргүй түүвэрлэлтээр түүж, коронавирус илрүүлэх шинжилгээг хийсэн. Тэдэнд нянгийн болон улирлын томуугийн вирус илэрсэн. Коронавирус илрээгүй. Манай улсад коронавирусийн халдвар илрээгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: 209 жил ашиглах, жил бүр нэг тэрбум ам.доллараар зарж болох нөөцөө ганцхан тэрбум ам.доллараар борлуулах гэж байна

Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболдтой ярилцлаа.


-“Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг хууль бусаар шилжүүлж, улмаар хувьчлахад бэлдэж байгаа гэдэг нь үнэн үү. Энэ асуудал анх хөндөгдөхөд та бас эсэргүүцэж байсан санагдаж байна.

-2018 оны зургадугаар сарын 29-ний өдөр “Эрдэнэс Таван толгой”-г хувьчлах УИХ-ын 73 дугаар тогтоол гарсан юм. Би энэ өдрийг яагаад сайн санаж байна вэ гэхээр зургадугаар сарын 20-30-ны хооронд ОХУ-д Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Тухайн үед би Екатеринбургт хөл бөмбөг үзээд явж байсан. УИХ-ын тогтоол гарлаа гэдгийг дуулаад яаруу сандруу ирж, хувьчилж болохгүй талаар “Өдрийн сонин”-д ярилцлага өгч байлаа. Түүнээс хойш тэд ичингүйрхсэн шиг байгаа юм. Харин 2019 оны долдугаар сарын 9-ний өдөр Засгийн газрын 296 дугаар тогтоол гарч, дээрх тогтоолыг хэрэгжүүлнэ гэж оролдож байгаа. Үүний тулд Засгийн газар “Эрдэнэс Таван толгой”-н 30 хувийг хөрөнгийн бирж дээр зарна гэж. Их хурлын тогтоолд бол Таван толгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх гэсэн байна. 2018 оны тогтоол гарснаар хэд хэдэн чухал үйл явдал боллоо л доо. Нэгдүгээрт, энэ тогтоол гарснаар “Эрдэнэс Таван толгой” ашигтай ажиллаад, Зүүнбаянгийн төмөр замын мөнгийг 100 хувь өгөөд, бонд гаргаад, 2019 оны цэвэр ашиг болох нэг их наяд төгрөгнөөс 800 тэрбум төгрөгийг Засгийн газарт өгсөн.

Засгийн газар 80 хувийнх нь эзэн учраас тэр, 20 хувь нь ард түмний өмч юм. 200 тэрбум төгрөгөөсөө ногдол ашиг өгөхөөр болж, 1072 хувьцаанд 94490 төгрөг оногдож байгаа. Зүүн тийшээ болон урагшаа явж буй төмөр замыг хоёуланг нь “Эрдэнэс Таван толгой”-н мөнгөөр санхүүжүүлсэн. Зүүн тийшээ явж байгаа нь энэ есдүгээр сард, урд талынх нь ирэх оны наадмын үеэр ашиглалтад орохоор төлөвлөгдсөн.

Хоёрдугаарт, 2019 оны наадмын үеэр Ерөнхийлөгч х.Баттулга үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж оролцсон. үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд байгалийн баялгийг төрийн өмч мэтээр УИХ-ын гишүүд, засгийн газар нь мэдэж зарчихдаг байдлыг болиулсан. Т.Аюурсайхан, Б.Бат-эрдэнэ нарын гишүүд санал гаргаж, байгалийн баялаг төрийн, нийтийн өмч байна, тэр нь нийт ард түмэнд хүртээлтэй байна гэж оруулсан. Тийм байхад л хувьчлалаа хийх гэж улайрч байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр болно. Түүнээс өмнө амжиж “Эрдэнэс Таван толгой”-н 30 хувиа зарчих гээд байна л даа. Хамгийн гол нь 2018 оны зургадугаар сарын 29-нд УИХ-аар “Эрдэнэс Таван толгой”-н 30 хувийг зарах шийдвэрийг гаргуулахдаа таван тэрбум ам.доллараар зарна гэж зөвшөөрүүлсэн байгаа юм. Гэтэл өнөөдөр нэг тэрбум ам.доллараар зарах гэж байна.

-Үүний учрыг та юу гэж харж байна вэ?

-Угаасаа зах зээл ингэж үнэлэх нь тодорхой. Таван тэрбум ам.доллар гэж худлаа ярьж батлуулсанд их асуудал байна. Яахав тэр үед нэг биш ч гурав, эсвэл 3.5 тэрбум ам.доллар байсан байх. Таван тэрбум ам.доллар гэж хэлэхгүй бол УИХ-ын гишүүд нь зөвшөөрөхгүй л дээ. Тиймдээ ч энэ засгийн газар нь УИХ-ын гишүүдээ хуурсан хэрэг.

Нэг тэрбум ам.доллар гэдэг ердөө “Эрдэнэс Таван толгой”-н өнгөрсөн жилийн л борлуулалт. Нэг тэрбум ам.доллараар экспорт хийгээд нэг их наяд төгрөгийн цэвэр ашиг хувааж байна. 2015 оны Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Ч.Сайханбилиг нарын луйврыг бодоход энэ нь хамаагүй ашигтай л даа. 30 хувиа таван тэрбум ам.доллараар зарна гэж байгаад одоо нэг тэрбум ам.доллар руу бууж байна. Тэр үед 6.7 тэрбум тонны нөөцөө Хятадад 100 хувь үнэгүй өгөх гэж байлаа шүү дээ. Одоо түүнийгээ зөв байсан гэж яриад л хүний толгой эргүүлээд байгаа юм. 6.7 тэрбум тонн нөөцөө 6700 хонь гэе. Гэнэт нэг өдөр танайд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Шадар сайд гурав орж ирээд “Энэ 6700 хонь чиний мал биш. чи бол мал хариулж чадахгүй мулгуу амьтан байна. Чи цалингаа аваад л наад малаа малла. Харин хонь чинь Хятадын компанийнх болсон шүү” гэж хэлсэнтэй яг л адил юм болсон. 6700 хониноос гарах мах, сүү, арьс ширийг ч өнөөх Хятадын компани л авна. Цалин авч байгаа малчинд тэр бүхэн хамаагүй болчих учраас тэр. Яг л ийм шийдвэр гарах гэж байсныг 2015 онд манай УИХ-ын 40 гишүүн эсэргүүцэж, мөн оны дөрөвдүгээр сарын 6-нд нэгдсэн хуралдааны нээлтийн үгэн дээр хэлж, энэ гэрээнд гарын үсэг зурвал огцруулна гэж айлгаж байж зогсоосон.

Гэтэл тэдний үйл хэргийг У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар хоёр үргэлжлүүлчихсэн явж байна. 2018 оны Уих-ын, 2019 оны засгийн газрын тогтоолуудыг хэлж байгаа юм. Тэр хооронд төмөр замын мөнгө хэрэггүй боллоо. Үндсэн хууль өөрчлөгдлөө. Гэсэн ч ойролцоогоор 209 жил ашиглах, жил бүр нэг тэрбум ам.доллараар зарж болох нөөцөө ганцхан тэрбум ам.доллараар борлуулах гэж байна шүү дээ. Цаана нь 208 жил ашиглах нөөцөө монголчууд бид бэлэглэнэ гэсэн үг.

-Таван тэрбум ам.доллараар зарна гэчихсэн тогтоол бий. Гэтэл өнөөдөр нэг тэрбум ам.доллараар зарахаар болсон талаар та хэллээ. Энэ зөрүүнээс үүдэж тооцооллуудаасаа эхлээд л зөрж таарна биз дээ?

-Бүгд будилна. Үүнийг эсэргүүцэж Самбуунямын эрдэнээ гэж хүн холбогдох албан тушаалтнуудад маш олон бичиг өгсөн юм билээ. Хоёрдугаар сарын 12-нд өгсөн бичигт өнөөдрийг хүртэл хариу байхгүй.

-Хувьчиллаа гэхэд худалдан авагч нь хэн байх бол?

-Хэн ч байж болно. Манай олигархууд ч байж мэднэ. Хэн дуртай нь нэг тэрбум ам.доллараар авчихна. Авах хүнтэйгээ цаанаа тохирчихоод зардаг бизнес байхгүй юу. Нөгөө хүмүүс нь таван тэрбум ам.доллараар юу гэж авах вэ гэсэн учраас нэгээр зарахаар болсон байх. Ийм луйвар байж болохгүй. Угтаа “эрдэнэс Таван толгойн хувьцаа эзэмшигч нь чи, би, бид бүгдээрээ мөн. Хоёр сая 350 мянган монголчууд хувьцаатай байгаа. Тийм байхад иргэдээс зөвшөөрөл авахгүйгээр хувьцааг нь зарах ажиллагаа эхэлсэн байна.

-Иргэд ногдол ашиг хүртэх хүлээлттэй байсан. Тиймдээ ч энэ удаагийн ногдол ашиг өгөх шийдвэрийг иргэд дэмжсэн. Мөн цаашдаа ч ногдол ашиг авна гэсэн хүлээлт үүссэн нь мэдээж.

-Би ард түмэнтэйгээ цуг байгаа. их бага нь хамаагүй би 209 жил ногдол ашиг авмаар байна. Гэтэл Уул уурхайн сайд Д.Сумъяабазар хамгийн их коксжих нүүрстэйг нь тасалж өгөөд, 30 хувийг нь зарах гэж байна.

-Таныхаар энэ бүхний хариуцлагыг хэн үүрэх ёстой юм бэ?

-Зарахаас нь өмнө зогсоох л хэрэгтэй. МАН дураараа аашилж хууль бус хувьчлалыг хийвэл дараагийн Уи х засна, хүчингүй болгоно. Хамгийн сайн зүйл нь МАН ухамсарлаад өөрсдөө 73 дугаар тогтоолоо хүчингүй болгочих хэрэгтэй. үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсон учир бидний урьд нь төлөвлөсөн зүйл буруу байжээ гээд л болоо.МАН-ын өөрийнх нь л эрх ашиг. Шууд маргааш цуглаад 73 дугаар тогтоолоо хүчингүй болгоод, засгийн газар нь хувьчилж авна гэж ярихаа болих хэрэгтэй.

“Эрдэнэс Таван толгой”-г хувьчилбал Монголын ард түмэн хохирно, үүнийг хийж байгаа хэдэн дарга нарт л хэрэгтэй байх. Цахилгаан станц барихад мөнгө хэрэгтэй гэх юм. Зээл аваад л барина биз дээ. Заавал уурхайгаа өгч яах гэсэн юм бэ. энэ уурхай жил бүр нэг тэрбум ам.доллар өгөөд байна шүү дээ.

-БНХАУ зээлийн төлөлтийн асуудлаар Ерөнхийлөгчийг сая дуудсан гэдэг үнэн үү. Энэхүү зээлийн асуудал нааштайгаар шийдэгдсэн гэх юм. Энэ талаар танд мэдээлэл бий юү?

-Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийг дуудаагүй. Хоёрдугаарт, мөнгө төгрөгний асуудал огт яриагүй. Тэр улс, ард түмэнд зовлон тохиолдчихоод байна шүү дээ. Мөнхийн хөршийн хувьд ийм үед нь бид хамт байх үүрэгтэй. Ерөнхийлөгч өөрөө ч хоёр долоо хоног хөл хорионд орлоо шүү дээ. Өмнөд Монголд коронавирусээр нас барсан хүн нэг ч байхгүй юм билээ. Бидний иддэг хоол хүнс, цаг агаартай холбоотой байж магадгүй. Ямартаа ч 30 мянган хонь хандивлаад ирсэн. Түүнийг улсын төсвөөс худалдаж авахаар бодож байсан юм.

Гэтэл ард иргэд, аймгууд зохион байгуулалттайгаар цуглуулаад бараг бүрдчихэж байх шиг байна. хоёр улсын харилцаа үүгээр дуусахгүй, цаашид олон олон жил үргэлжилнэ. Өр төлбөр, зээл хууль зөндөө л бий. Тэр бүрийгээ жич ярина. Энэ нь саяын айлчлалаар огт яригдаагүй. Ярих нь ч зохимжгүй. Янз бүрээр таамаглаж бичээд л байна. Хүмүүс зовж байхад юун мөнгө төгрөг ярих дуртай юм гэж хэлмээр санагдаж байна. Мөнгө ярих үе байна, ярихгүй үе байна. Манайхан жаахан соёлтой баймаар.

-Сонгуулийн санхүүжилт өндөр байгааг шүүмжлэх хүмүүс байна л даа. Нам тус бүр 5.9 тэрбум төгрөг зарцуулж байгаа нь АНУ-ийн сонгуулийн зардлаас ч өндөр байгаа хэлж байна. Үүнд та юу хэлэх вэ?

-Манай сонгуулийн төсөв АНУ-аас их байдаг юм. АНУ-д Өвөрхангай аймгийн 19 сумаар тойроод явах шиг зардал гардаггүй. Нийтийн тээвэр зэрэг нь өндөр хөгжчихсөн, нэг тойрог нь л гэхэд манай Баянзүрх дүүрэг шиг юм. Манайд дэд бүтэц хөгжөөгүйтэй холбоотойгоор их зардал гардаг нь үнэн. Гэхдээ ийм их байж болохгүй. Өндөр зардлаа бууруулах хэрэгтэй. Яахав шинээр нэр дэвшиж байгаа хүмүүст өөрийгөө таниулахад мөнгө хэрэгтэй байгаа байх. Түүнийг хязгаарлаж болохгүй л дээ.

-М.Энхсайханыг барьж хорино, яллана гэж байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа юм бэ?

-М.Энхсайхан өөрөө ямар ариун амьтан биш дээ. Гэмт хэрэг хийсэн бол ялаа л авна шүү дээ. Би тэрийг мэдэхгүй.

-Таныг ойрын үед сошиал орчинд элдвээр бичих боллоо. Та юу гэж бодож байх юм?

Хэнийг ч юу гэж ч магадгүй тийм л нийгэмд амьдарч байна. Гэхдээ хүнийг гүтгэх, харлуулах үйлдэлд хязгаар бий. Бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой. Таван толгойн ордыг ард түмэнд авч үлдсэний минь төлөө 2015 онд намайг харлуулж байсан. Энэ удаа Таван толгойг мөн л ард түмэнд авч үлдэхийн төлөө дахин хууль бус үйлдэлтэй тэмцэж байна. Мөн л намайг гүтгэх, харлуулах ажлууд эхэлчихсэн байна. Бүгдийг нь хуулийн дагуу шийдүүлнэ. Өөр хэлэх зүйл байхгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж дэмий ч нэг хэлээгүй байх аа

2019 оны арванхоёрдугаар сарын сүүлээр шинэ коронавирус БНХАУ-ын Хэбэй мужид илэрч тэр үеэс хойш дэлхийн өнцөг булан бүрт тархаад байна. Сүүлийн долоо хоногийн хугацаанд л гэхэд 24 улсад шинээр илэрчихлээ. Нийтдээ дэлхийн 50 гаруй улсад тархаж, гурван мянгаад хүн энэ өвчнөөр нас барлаа. Манай улсын хамгийн их холбоотой байдаг Япон, БНСУ-д дэгдээд байгаа нь биднийг түгшээж байна.

Шинэ коронавирусийн халдвар дэгдэхэд хамгийн өндөр эрсдэлтэй орон нь Монгол болохыг дэлхий даяар хэлж байсан юм. Энэ үг үнэний ортой. Учир нь манай улс тахлын голомт болсон БНХАУ-тай мөнхийн хөрш. Бид урд хөршөөсөө эдийн засгийн хувьд 90 хувийн хамааралтай оршдог. Хоёр улсын иргэд визгүй зорчдог нь ч таамгийг бататгахад нөлөө үзүүлсэн нь мэдээж. Мөн БНХАУ-ын 14 улстай хиллэдгээс манай улстай хамгийн урт буюу 4700 гаруй км-ийн хуурай замаар хиллэдэг юм. Эдгээр нь биднийг тахлын өндөр эрсдэлтэй орны тоонд оруулахад хангалттай хүчин зүйлс мөн. Хэдий өнөөдөр манай улсад коронавирусийн халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй ч эрсдэл өндөр хэвээр, аюул биднийг отсоор байгаа нь үнэн юм.

Энэ бүх эрсдэлийг тооцож Засгийн газрын зүгээс шат дараатай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Коронавирусийн эсрэг хамгийн анхны арга хэмжээгээ нэгдүгээр сарын 24-нд авч хэрэгжүүлж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргасан юм. Улмаар их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг зогсоож, Ухань хотоос иргэдээ авч ирэв. Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхаар шийдэж, Монгол Улс, БНХАУ хооронд агаар, төмөр замаар зорчих хөдөлгөөнийг зогсоосон юм. Мөн Улс, хот хоорондын автомашин, галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, Монгол, Япон, БНСУ-ын нислэлгийг түр зогсоон, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтоор нүүрсний экспорт хийхийг хориглов. Мөн өвчний халдвар илэрсэн тохиолдолд шаардлагатай эмнэлгүүдийг суллаж, ор гаргах асуудлыг шийдвэрлэсэн юм. Коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд зориулж Засгийн газрын нөөц сангаас 6.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг шийдсэн. Мөн өмнө нь 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж Эрүүл мэндийн яам эм тариа, хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис, тоног төхөөрөмж зэрэг шаардлагатай зүйлсээ авсан юм.

Ийнхүү бид төдийгөөс өдий хүртэл чадах ядахаараа хичээж байна. Хэдийгээр манай хошин шогчид Уханьд долоо хоногт нэг эмнэлэг барилаа, бид 50 ор бэлтгэж чадлаа гэж шоолж байгаа ч энэ чамлах зүйл биш юм. Бид зохих арга хэмжээнүүдийг цаг тухайд нь авсны хүчинд тэсэж суугаа байх гэж найдаж байгаа. Хориг арга хэмжээ авч байх хугацаанд хамгийн эрсдэлтэй үе нь Сар шинийн баяр тохиосон явдал байлаа.

Энэ үед л Монголд коронавирус дэгдэнэ гэж дэлхий нийт харж байв. Одоо ч чих тавьж байгаа нь мэдээж. Бид энэ хүртэл хичээж болсон юм чинь цаашдаа ч хичээх хэрэгтэй. Сар гаруй хугацаанд эрвийх дэрвийхээрээ хичээж, бүхий л арга хэмжээг идэвхтэй явуулж чадсан шүү дээ. Ард түмэн ч дэглэмээ хэр чинээгээрээ л сайн сахиж байна. Монголчууд бид “Үхрийн сүүлэн дээр хутгаа хугаллаа” гэлцдэг. Одоо л хэнэггүйтэж, дэглэмээ орхигдуулвал ёстой л сүүлэн дээр нь хутга байтугайгаа хугалах болно. Төдийгөөс өдий хүртэл бидний хичээж ирсэн бүхэн маань утга учиргүй хийрхэл болж хувирна. Бид одоо цаашдаа хэрхэн, яаж сахиж ирэв яг түүн шигээ л энэ дэглэмээ авч явах хэрэгтэй байна.

БНХАУ-д оргил үе нь өнгөрсөн гэж дуулдаж байгаа ч дэлхийн бусад орнуудад ид тархаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн аюулын эрсдэлийн түвшинг маш өндөр болгон шинэчилж байна гэдгээ ч мэдэгдсэн. Тийм учраас санаа амарч, уужрах цаг болоогүй. Бид өөрсдийгөө онцгой, мундаг гэж магтахад ч эрт байна. Гагцхүү энэ хэмнэлээрээ хичээх нь чухал, хэнэггүйтэж огтоос болохгүй. Хэнэггүй хандвал хэн ч энэ өвчнийг тусаж болдгийг Ираны дэд ерөнхийлөгчийн коронавирус туссан гэх мэдээллээс харж болохоор байна. Дээдүүл нь тусахгүй, доройчууд нь л тусна гэсэн зүйл байхгүй, хэнийг ч ялгахгүй бололтой юм. Тиймдээ ч манай улс коронавирусийн голомтод айлчилсан Ерөнхийлөгчөө 14 хоногийн тусгай дэглэмд оруулж, дэглэмийг биелүүлэхгүй их зан гаргасан нарийн бичгийн даргаа МАН халлаа. Эдгээр арга хэмжээ зөв байж, бусдад ч сануулга болов бололтой. Хяналтын дүнд дотоодод нөхцөл байдал тун боломжийн болчихлоо гэж найдаж байна. Харин одоо хилээр орж, гарч буй хүмүүсээ л сайн хянах нь аминд тулсан асуудал болсон гэхэд хилсдэхгүй.

Гэхдээ Засгийн газар зарим арга хэмжээнүүдийг хэтрүүлээд байна уу даа ч гэж ярих хүмүүс байна. Коронавирус гараагүй байхад хот хоорондох замаа хаасан нь арай сүржин шийдвэр болчихов уу гэдгийг хэлж байгаа юм. Мэдээж коронавирус дэгдчихсэн үед хамгийн түрүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ мөнөөс мөн л дөө. Гагцхүү нөхцөл байдлыг зөвөөр үнэлж, бүх зүйлийнхээ тунг нь тааруулж, хэмжээ дамжааг нь баримаар байна. Хэтрүүлэхгүй, хэнэггүйтэхгүй байх хэрэгтэй гэсэн үг. Нэг их сүржигнэж давхилдаж “муу эр дайнд хөөрлөө” гэдгийн үлгэрийг харуулаад ч яахав. Гэхдээ нөгөө монголчуудын алдарт “яагуузай л гэж” гэдгээ үзүүлж муйхарлан өвчин тахлын хөлд үй олноороо үхэж үрэгдээд ч яахав. Бидэнд ямар тэгж үй олноороо үрэгдээд байх ч олон монгол байх биш. Нэг ороод ирвэл энэ улсын чинь тал нь байхгүй болно шүү гэж бодож байх хэрэгтэй.

Энэ тахлын дэгдэлт болбол тун аюултай. Хорин мянган хүн хэвтэхэд бүгдэд нь хүрч эмчлэх эмч, эм, тангийн боломж манай улсад байхгүй шахуу.Бид бодохдоо хорин мянган хүн бүрд дусал залгаад л сувилагч эргэж гүйгээд байх юм төсөөлөөд байна. Ийм дусал, систем байгаа бил үү. Байгаа ч тэр бүгдийг шавхаад гаргах бил үү. Өвчлөгсдийг зүгээр л тусгаарлаад бусдад халдаахгүйг л бодохоос өөр юм хийх бараг боломжгүй шахуу. Тиймээс нэг газар хоригдож байгаад л үхэхээс өөр зам байхгүй гэж бодох хэрэгтэй. Ингэж бодож ингэж төсөөлж байж та энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх сэдлээ өндөржүүлж, ухаалаг, болгоомжтой амьдрах хэрэгтэй байна. Төр засгийн шийдвэрийг ягштал биелүүлж байна гэдэг нь та өөрийгөө хамгаалж байгаагаас гадна элэг нэгтэн монгол ах дүү нараа аюулт тахлаас хамгаалж байна гэсэн үг шүү.

Үүний төлөө ч бүгдээрээ хичээе. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэх зүйр үг бий. Энэ үгийг дэмий ч нэг хэлээгүй байх аа өвөг дээдэс минь. Энэ олон мянган жил дайн тулаан өвчин тахал дунд тэсч тэмцэж ирсэн хүмүүсийн амьдралаас гарсан сургаал юм энэ. Та хичээвэл таны заяа тавилан чинь хичээнэ гэсэн үг гэдгийг эрхбиш бүгдээрээ ойлгож байгаа. Иймээс хүн болгон дор бүрнээ чадах чинээгээрээ л хичээе. Магад тун удахгүй сайн сайхан үр дүнг нь үзэх болно гэсэн итгэл найдвар бид бүхэнд байна.