Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: МАН төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжилтээ хийчихээд мөнгөгүй сонгууль хийнэ гэж матрын нулимс унагаж байна

– Л.БОЛД, Ж.БАТЗАНДАН, Н.АЛТАНХУЯГ НАР АН-Д ОРЖ ИРЭЭД НЭР ДЭВШЬЕ ГЭВЭЛ НЭЭЛТТЭЙ –

Ардчилсан намын даргын зөвлөх З.Энхболдтой ярилцлаа.


-Та Таван толгойн 30 хувийг хувьчлах асуудлыг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлсээр байгаа. Энэ асуудлаарх сүүлийн үеийн нөхцөл байдал ямар байна вэ?

-“Эрдэнэс Таван толгой”-н ажилчид сүүлийн хэд хоног эсэргүүцэл илэрхийлж, ажилдаа алхаж очиж байгаа. Тус компаниас хүн халаад эхэлсэн юм байна. Охин компани нь эцэг компаниасаа өндөр цалин амлаж ажилчдаа хувааж аваад, жинхэнэ “Эрдэнэс Таван толгой” нь борлуулалтгүй болоод их л будлиантай байгаа юм билээ. Охин компаниа татан буулгаж, 30 хувийнхаа хувьчлалыг зогсоо гэж хэлсээр байтал зүтгүүлсээр байна. Улсын их хурал нь 73 дугаар тогтоолоо, ҮАБЗ нь зөвлөмжөө хүчингүй болгохгүй гээд гүрийгээд байгаа юм. Одоо юун Таван толгойн хувьчлал вэ.

Дэлхийн улс орнуудын эдийн засаг өсөх биш улам агшина. Өдөрт хэдэн мянгаараа хүн нас барж байгаа дайных шиг цаг үе үүсчихээд байна шүү дээ. Гэтэл Монголд юу ч болоогүй юм шиг Таван толгойгоо хувьчилна, төсөвт тусгасан 3.2 их наяд төгрөгөөр шаардлагагүй барилга, байшин, усан оргилуур барина гэж байна. Дэлхийн бүх улс орон усан оргилуур бус эмнэлэг барьж, ядуу, эмзэг, ажлаас халагдсан хүмүүстээ тэтгэмж өгч байна. Таван толгойн 30 хувиа хувьчлах асуудал дээр С.Эрдэнэ гишүүний санаачилсанчлан “УИХ-ын 73 дугаар тогтоолыг хүчингүй болгож, ЭТТ-г хувьчлах асуудлыг зогсоох” тухай тогтоолыг яаралтай батлах хэрэгтэй. Дайны хажуугаар дажин гэж коронагийн дуулианаар далимдуулж Таван толгойгоо хувьчилж болохгүй.

-Таныг хамаарал бүхий гэгддэг “Страто”-д нь ямар ч ашиггүй учраас ийнхүү улс төр хийж байна гэх юм. Хэрэв худал бол таныг яагаад энэ компанитай холбоод байдаг юм бэ?

-Би “Страто”-той ямар ч хамаагүй. Энэ талаарх бичгээ ч Улсын бүртгэлээс аваад хуулийн байгууллагад өгсөн. Намайг “Страто”-той ашиг сонирхлын зөрчилтэй гээд гүтгээд байгаа юм. Гүтгэсэн хүмүүс, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хариуцлагаа хүлээнэ. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль гэдэг бол өөр асуудлыг зохицуулна. Жишээ нь, саяхан хэвлэлээр гарсан Монголбанк, СЗХ-ны ажилтнууд хувьдаа ББСБ-тай байсан нь илэрсэн нь ашиг сонирхлын зөрчил. Хяналт тавьдаг зохицуулдаг салбартаа ашиг сонирхолтой байхыг хориглодог. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга уул уурхайн салбарт шийдвэр гаргадаггүй тул “Страто”-ийн үйл ажиллагаатай хамаагүй юм.

1996 оноос хойш намайг 24 жилийн турш огт хамааралгүй компани, барилга байшинтай хамаатуулж гүтгэж байгаа гүтгэлэгтэй л яг адилхан юм. Ямар ч хамаагүй ор үндэсгүй зүйлээр л гүтгэчихдэг. Өмч хувьчлалын даргаар ажиллаж байх үедээ өчнөөн өмч идчихсэн гэж гүтгэсэн юм. Тэр нь батлагдахгүй болохоор өөр хүний нэр дээр байдаг гээд байгаа юм. Үнэхээр л тийм юм бол түүнийгээ гаргаж ир л дээ. Хамгийн гол нь ийм гүтгэлгүүд эзэнгүй байгаа. Хуучин шар сонин дээр бичихэд эзэн нь олдчихдог байв. Одоо үед цахим орчинд хэн гүтгээд байгаа нь мэдэгдэхгүй болж. Яахав, Кибер аюулгүй байдлын цагдаа нар хөөж байгаад олж байна л даа. Хуулийн байгууллага эхнээс нь олоод торгоод явж байгаа.

-“Эрдэнэс Таван толгой”-н хувьчлалын асуудлыг хөндсөнөөр Ерөнхийлөгч та хоёрын дунд маргаан үүссэн, түнжин тааруу байгаа гэдэг нь үнэн үү. Үүнээс болж таныг ажлаа өгөх болсон ч гэх юм.

-Ерөнхийлөгч бид хоёрын харилцаа хэвийн байгаа. Мэдээж бүх зүйл дээр 100 хувь санал нийлнэ гэж байхгүй шүү дээ. “Эрдэнэс Таван толгой”-н 30 хувийг хувьчлах асуудалд би эсрэг л байгаа. Анх яригдахад нь ч, одоо ч эсрэг байгаа. Ерөнхийлөгч ҮАБЗ-өөр Таван толгойн 30 хувийг таван тэрбум ам.доллараар зарахад болно гэсэн тэр зөвлөмжийг гаргаад өгчихсөн. Гэтэл явсаар байгаад коронагаас өмнө нэг тэрбум ам.доллар болсон. Одоо бол нэг тэрбум ам.долларт ч хүрэхгүй. Ийм тохиолдолд болохгүй шүү дээ гэж хэлсэн. Үүн дээр бол адилхан л байр суурьтай байгаа.

-Ерөнхийлөгчийн зүгээс энэ цаг үед УИХ-ын сонгуулийг хойшлуулахаас өөр аргагүй гэж байгаа. Та үүнийг дэмжиж байгаа юу?

-Иран улс цар тахал дөнгөж тархаж байх үед сонгууль хийгээд хэдэн мянган хүнээ алдчихлаа. Тийм асуудал гаргахгүйн үүднээс сонгуулийг хойшлуулах нь зөв. Бид монгол хүн тусдаггүй юм байна, тэнгэр заяатай гэх зэргээр ярьж байна л даа. Энэ нь сайндаа ч биш зүгээр л хүйтэн байсан учраас л вирус нь тархаагүй юм шиг байгаа юм. Энэ вирус +12 градуст хамгийн удаан амьдардаг юм байна. Ирэх саруудад улам дулаарч, хэдэн мянгаараа өвчлөөд эхэлбэл яах вэ. Юун сонгууль манатай л болно шүү дээ. Өнөөдөр тийм зүйл болоогүй байгаа нь тайвшрах шалтгаан биш гэж үзэж байгаа. Сонгууль хүнийг олноор цуглуулдаг, өвчин тархах нөхцөлийг бүрдүүлдэг учраас л болгоомжлоод байгаа юм. Түүнээс өнөөдөр болохоо байчихсан учраас сонгуулиа больё гэж байгаа юм биш. Сонгуулийн үйл явц нь өвчин тарааж магадгүй учраас л тэр.

Гэхдээ БНСУ сонгуулиа хийчихлээ л дээ. Япон, БНСУ-ын сонгууль хүн цуглуулж уулзалт хийдгүйгээрээ манайхаас өөр юм. Нэр дэвшигч нь чанга яригчтай машин дээр зогсоод өөрийгөө болон мөрийн хөтөлбөрөө иргэдэд танилцуулдаг. Тиймээс сонгуулийн сурталчилгааны явцад хүмүүс өвчин тусах магадлал нь бага.

-Эрх баригчдын зүгээс сонгуулийг хойшлуулах шаардлагагүй гэх байр суурийг илэрхийлсээр байгаа. Магадгүй сонгууль хойшлохгүй байх нь эрх баригчдын хувьд ашигтай болов уу.

-Эрх баригчид юу хүссэнээ хийх эрхээ 2016 онд 65 гишүүнтэй болсноор авчихсан. Сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрөө огт биелүүлээгүй бөгөөд яг эсрэгээр нь хийсэн. Мэргэжлийн Засгийн газартай болно гэсэн ч дандаа УИХ-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар байгуулж, хоорондоо муудалцан хоёр ч удаа сольсон. Татвар нэмэхгүй гэсэн ч арван татвар нэмчихлээ. Ийнхүү бантсан МАН сонгуульд орох гэж байгаа. Ковид гэгчийг сонгуульдаа ашигтайгаар ашиглах гэж янз бүрээр л оролдож байна. Үүнийг улстөржүүлж сонгуульдаа ашигтайгаар ашиглаж болохгүй, эсрэгээр нь сөрөг хүчний намтайгаа хамтарч хүндрэлээс гарах ёстой юм. УИХ-ын саяын баталсан Эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөө гэх зүйл онигоо шүү дээ. Өнөөдөр АНУ-ын жилийн 75 мянган ам.доллараас дээш орлоготой бүх хүн 1200 ам.долларынхаа тэтгэмжийг авч байна. Хэн 75 мянган ам.долларын татвар төлсөн эсэхийг улс нь мэдэж байна гэсэн үг. Тийм гэр бүлийн хүүхэд бүр 500 ам.доллар авч байна. Манайд мал малладаггүй, УБ хот, аймгийн төвийн орлогогүй, ажилгүй болчихсон, эсвэл угаасаа ажилгүй байсан хүмүүс хоолны мөнгөгүй болж, өлсгөлөн эхэлнэ. Тэр үед нь туслах зориулалтаар хямралын эсрэг тэмцэх төлөвлөгөөн дотор бэлэн мөнгө тараах тухай байх ёстой. Гэтэл УИХ-аас таван их наяд төгрөгийн зээл аваад хямралын эсрэг тэмцэх төлөвлөгөө баталлаа л гэж байгаа ч хэрэгжсэн зүйл нь тэг байна шүү дээ. Ноолуур 100 мянган төгрөгөөр авна гээд л Ерөнхий сайд нь хэлдэг, Ч.Улаан сайд маргааш нь гарч ирэнгүүтээ манай нутгийнхан л 100 мянган төгрөгөөр зарна, бусад нь 75 мянган төгрөгөөр зар гэж байна. Ерөнхий сайд худлаа хэлсэн, 100 мянган төгрөгөөр бүх ноолуурыг худалдаж авахгүй, заримыг нь авна гэх жишээтэй. Ингэж зах зээлд буруу сигналь өгөөд байна л даа.

-Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх хэрэгтэй гэх байр суурийг Ерөнхийлөгч илэрхийлсэн. Үүнийг юу гэж ойлговол зохих вэ?

-Хямралын үед Онцгой байдлын газар, Шадар сайдын үүрэг ихэсдэг хуультай. Энэ нь удирдлага нэг гарт төвлөрч байна гэсэн үг. Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам тус бүртээ өөр зүйлс яриад байхгүйгээр нэг толгойтой болно. Бусад улс орон шиг яам болгон нь хэдэн тийш хараад суучих юм бол хямралтай тэмцэж чадахгүй. Түүнээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гээд Үндсэн хуулиар хуваачихсан засаглалыг нэг гарт төвлөрүүлэх тухай хэн ч, хэзээ ч яриагүй. Манай гамшгийн үеийн хууль тогтоомж боловсронгуй биш байна, учир нь анх удаа дэлхий нийтийг хамарсан хямрал болж байна. Аль ч оронд, ямар ч түвшинд тарж магадгүй гэдэг нь гол аюул байна. Яахав, бид өвчин гармагц хилээ хааж арга хэмжээ авсны хүчинд дотоодын өвчин тархалт алга. Одоо зөвхөн гаднаас ирж буй хүмүүсийн хүрээнд л байна. Тэр хүмүүс дэглэмээ сахиад гарчихвал аюулгүй л байна шүү дээ.

-Зарим хуульчид Ерөнхийлөгчийг хүнд цаг үеийг ашиглаж төрийн эрхийг гартаа авах гэж санаархаж байна гээд байгаа л даа.

-Үндсэн хуулиас хэтэрсэн зүйл огт яриагүй. Юу ч гэж хардаж болно. Гэхдээ бодитой зүйл дээр хардах ёстой. Хямралын үед Ерөнхийлөгчид бүх эрх мэдэл байна гэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг Их хурал руу оруулаагүй биз дээ. Тэгэхээр Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн эрх хэмжээ яг хэвээрээ байгаа.

-Ардчилсан нам нэр дэвшигчдээсээ дэнчингийн 100 сая төгрөг авч байгаа нь хууль бус гэж шүүмжлэх хүмүүс байна. Х.Ганхуяг 100 сая төгрөгийн дэнчин төлсөн 180 хүн байна гэдгийг ч хэлж байгаа. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Монгол Улсад 33 улс төрийн нам бий. Бүгдээрээ ч юм уу зарим нь сонгуульд орох байх. Дэлхийн аль ч улсад сонгууль гэдэг мөнгө, мөнгө бас дахин мөнгө гэдэг үг бий. Сонгуулийн Ерөнхий хорооны гаргасан тарифаар хамгийн багадаа 400 сая, ихдээ 750 сая төгрөгийн зардал нэг нэр дэвшигчээс гарах юм. Зөвшөөрөгдсөн мөнгө нь энэ. Мэдээж бүх нэр дэвшигч үүнийг гаргах чадвар байхгүй байх. Энэ мөнгийг хувиасаа гаргаад сонгуульд ор гэсэн үг аль ч хуулинд байхгүй. Дэлхий даяар энэ мөнгийг хандиваар цуглуулдаг. Хамгийн сүүлийн жишээ АНУ-ын Ардчилсан намын доторх сунгаанд энэ мөнгөний асуудал маш тодорхой харагдсан. Долоо хоногийн дотор нэг сая ам.доллар цуглуулж чадахгүй бол нэр дэвшигчдийн мэтгэлцээнд оруулахгүй гэдэг дүрэмтэй. Хандив цуглуулж чадаагүй нэр дэвшигчид нь хасагдаад л яваад байдаг. Утга нь “Чамайг нэг сая хүн дэмжиж тус бүр 10 ам.доллар хандивлахгүй байгаа бол жинхэнэ сонгуульд чи амжилт олохгүй, иймд манай нам дэвшүүлж чадахгүй” гэдэг. Тухайн нэр дэвшигчийг дэмжигчгүй юм байна гэдгийг мөнгөн дүнгээс нь харж байгаа хэрэг. Мэдээж тэр мөнгөө хэдийг нь компаниудаас, хэдийг нь хувь хүнээс авах вэ гэдэг нь хуульчлагдсан байдаг. Монголын хууль яг адилхан. Хувь хүнээс нэг сая хүртэлх, компаниудаас 10 хүртэлх сая төгрөгийг улс төрийн нам сонгуулийн бус үед цуглуулж болно. Ийм мөнгийг хандивлах ажлыг зохион байгуулсан хүнийг АН нэр дэвшүүлнэ гэж байгаа болохоос биш байшингаа зараад 100 сая төгрөг авчраад дэвш гээгүй. АН-д орсон бүх шилжүүлгийг шалгадаг газар нь шалгаж, зөрчил байна уу гэдгийг харах ёстой. Бүх данс нь шилэн байгаа АН-ыг шалгахаас гадна бусад 32 намыг хэрхэн санхүүжилтээ бүрдүүлж байгааг шалгах хэрэгтэй. АН түрүүлээд АНУ шиг нэр дэвшигчдээ нийгэмд хэр нэр хүндтэйг нь дүгнэх гээд, Улс төрийн намын тухай хуулийн 18-д заасанчлан хандивыг цуглуулснаасаа болж муулуулахгүй. Ганцхан нам хуулиа дагаж, түүнийг нь бүгдээрээ нийлж муулдаг нь юу вэ. Бусад нь яаж санхүүжиж байгаагаа нууж байгаа учраас хууль бус юм. Манайхыг МАН-ын гишүүн Х.Ганхуяг гэдэг хүн дэлгэлээ гэж байна. Мэдээж тэр жагсаалт нь худлаа. 180 хүн мөнгөө өгөөгүй гэдгийг нь би мэдээд байна. Цуурхал тараагаад байгаа хүмүүсийг хуулийн байгууллагад шилжүүлж, хариуцлага тооцох ёстой.

-Таныхаар МАН хэрхэн санхүүжилтээ бүрдүүлж байгаа бол. Эрх баригч намын дарга мөнгөгүй сонгууль хийнэ гэх зүйлийг ярьсан. Ийм боломжтой юу?

-Мөнгөгүй сонгууль энэ дэлхий дээр байхгүй. Бид МАН-ыг хардаж байгаа. Сүүлийн дөрвөн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалт 9.6 их наяд төгрөг. Энэ их мөнгөний ажлыг хийх тендерт дандаа МАН-аас сонгогдсон УИХ ИТХ гишүүд дарга сайд нарын хамаатан садны хамаарал бүхий компаниуд шалгарсан байдаг. Одоогийн улсын төсөвтэй тэнцэх мөнгийг тараачихсан. Энэ мөнгөөрөө л сонгуульд орох гээд байгаа юм. Хамаарал бүхий этгээд нь үнийн дүнгийнх нь тодорхой хувийг сонгуульд нь хандивлаад байна гэж хардаж байна. Хандивлагчдаа зарла гэхээр хамаатнууд нь ил болчих гээд түүнийгээ л нуугаад байгаа юм. Миний бодлоор МАН өнгөрсөн дөрвөн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сонгуулийн мөнгөө хийчихээд мөнгөгүй сонгууль хийнэ гэж матрын нулимс унагаж, худал ярьж байна.

-АН-д нийт 108 хүн дэнчингээ өгчээ. Үүнээс 76 нь нэр дэвшиж таарна. Тэгэхээр үлдсэн хандив өгсөн хүмүүс нь яана гэсэн үг вэ. Хэрэв АН ялвал сайд, даргын албан тушаалд очих уу?

-108 хүн дэнчингээ өгсөн. Иргэнээр бодвол 10.800 хүнээс дэнчингээ цуглуулж өгсөн гэсэн үг. Компаниар бодвол үүнээс 10 дахин бага байна. Мэдээж энэ 108 хүнээс 76 нь л нэр дэвшинэ. Бусад нь нэр дэвшсэн хүмүүстээ тусалж, сонгуульд ажиллана. Улс төрийн нам сонгуулиар эрх авлаа гэхэд гишүүн хүн сайд болж болохоо больчихсон учир гаднаас сайд нараа томилох ажилд орно. Мөн багийн ЗД-аас эхлээд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хүртэл 2000 гаруй улс төрийн албан тушаалтан сонгуулийн дүнгээр солигдоно.

-Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг шаардлагад нийцэхгүй гэх үндэслэлээр Үндэсний аудитын газраас буцаасан. Цалингийн доод хэмжээг гурван сая төгрөгт хүргэнэ гэх зорилтыг бодитой хэрэгжиж чадахгүй гэж үзсэн болов уу. Мөрийн хөтөлбөрөө хэрхэн өөрчилсөн бэ?

-Цалингийн доод хэмжээг гурван сая төгрөг болгоно гэх зорилт байж болно. Түүнийг Үндэсний аудитад тайлбарласан л байх. Аудит аль нэг намыг сонгуульд орох эсэхийг шийддэг байгууллага биш. Тэнд тавьсан тоонууд нь манай улсын эдийн засгийн боломжоос хэтэрч үү гэдгийг л шалгаж байгаа. Улсын төсөвт үргэлж өнөөдрийнх шиг 10 орчим их наяд төгрөг байхгүй, цаашид өсөн нэмэгдэж л таараа. Энэ хэрээр эмч, багш, цагдаа гээд бусад төрийн албан хаагчдынхаа цалинг нэмж л таарна. Улсын төсөв өсөхийн тулд олон үйлдвэр байгуулагдаж олон зуун мянган хүн ажилтай болох нөхцөлийг бүрдүүлнэ. Тэдгээр үйлдвэрийн ажилчдын авдаг цалинг улс тогтоохгүй. Ямар ч байсан одоогийнх шиг бүх үйлдвэрээ хаачихаад улсын төсвийн мөнгийг хамаатан садныхаа компанид өгөөд байдаг буруу практикийг АН нэн дариу зогсооно.

-Ардчилсан нам бусад нам бусад нам, улстөрчидтэй сонгуулийн үеэр хамтрах боломжтой гэх утга бүхий уриалга гаргасан байсан. Үүнтэй холбоотойгоор Н.Алтанхуяг, М.Энхсайхан, Лу.Болд нарыг эргэн намдаа ирэх гэж байна гэх юм. Энэ хэр бодитой вэ?

-Ялангуяа Ардчилсан намаас салаад явсан, энэ сонгуульд нэр дэвшье гэсэн хүмүүс эргэн ирвэл хамтрах боломжтой юм. М.Энхсайханы хувьд АН-аас маш олон жилийн өмнө гарчихсан. МҮАН-тай хамтарч болохоос тэр өөрөө биш. Учир нь М.Энхсайхан нэр дэвшээд гарахгүй учраас бид нэр дэвшүүлэх тухай бодохгүй байгаа.

-Яагаад гарахгүй гэж?

-Ийм их хэрэг түвэгтэй хүн чинь яаж гарах вэ дээ. Нэр дэвшихтэй манатай л байгаа биз дээ. Элчин сайд болоод намаасаа гараад явчихсан юм билээ. Л.Болд, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нар орж ирээд нэр дэвшье гэвэл нээлттэй. Энэ уриалга энэ сарын 24-нийг хүртэл хүчинтэй. Одоогийн сонгуулийн систем жижиг намуудад халгаатай юм. 2012 онд намын жагсаалтаар санал авдаг байхад жижиг намд ашигтай байсан. Одоо бол тэр байхгүй болсон. Тиймдээ ч жижиг намууд яагаад ч амжилт олохгүй. Хоёр том намд л хамгийн ээлтэй систем юм. Иймд жижиг намууд том намаа бараадах ёстой. Хоёр арга бий. Нэг нь эвсэл болдог. Нөгөөх нь өөрийнхөө намыг сонгуульд оруулахгүйгээр өөрөө том намын тохирсон тойрог дээр нэр дэвшдэг. 2016 онд бид үүнийг хэрэглэсэн. Эрэл, ИЗН сонгуульд ороогүй. Б.Эрдэнэбатыг Хөвсгөлөөс, өмгөөлөгч Р.Булгамааг Баянзүрх дүүргээс нэр дэвшүүлсэн. Гэх мэтээр ирээдүйтэй, гарчихаж болохоор хүмүүстээ, жижиг намуудтай хамтарч ажиллана. Манайхаас салаад явсан хүмүүс буцаж ирээд нэрээ дэвшүүл гэж байгаа юм. Одоо хагарч ордог цаг биш байна. Хэрэв тэгвэл 2000 он шиг ялагдана. Хамтраад орвол 1996 он шиг ялна.

-Хамтрахаар саналаа илэрхийлсэн хүмүүс бий юү. Тэр дундаа дээр дурдсан эрхмүүдээс хүсэлт ирсэн үү?

-Хүсэлтээ өгөх байх гэж бодож байна. Ингэж хамтаръя гэдэг санал нөгөө талаас гараад байгаа юм.

-АН ирэх сонгуульд өөрсдийгөө хэрхэн оролцоно гэж харж байгаа вэ. Судалгааны дүнгээр ч юм уу ямар нэгэн байдлаар багцаа авсан зүйл бий юү?

-Судалгаа байнга хийгдэж байгаа. Монголын ард түмэн улаан, цэнхрээр нь дөрвөн жил тутамд сонгодог хэвээрээ л байгаа. Энэ жил коронавирус гарсантай холбоотойгоор сонгууль цагтаа болох эсэх нь тодорхойгүй байна. Ямартаа ч 65-уулаа болсон МАН-ыг улс орныг хөгжүүлчих юм байх гэж бодсон ч хоёр жил болоод л Засгаа унагаасан. Улсын төсвөөс байнга тендер авдаг 15 мянган компани бий. Цензургүй яриагаар гараад байгаа МАН-ын УИХ ЗГ ИТХ гишүүдийн хамаатнууд шиг гэсэн үг. Үлдсэн 85 мянган компани нь МАН-ыг эрх барьж байгаа үед дагавар хүүхэд шиг нь л байж, тендер огт олгодоггүй. Тэд энэ 15 мянган компанийг өөд нь татахаа бодож байгаа болохоос биш нийт Монголын эдийн засгийг өөд нь татах тухай бодохгүй байна.

-Ардчилсан намаас эдийн засгийн энэ хүнд үед ямар арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байгаа юм бэ?

-АН өргөн барьсан хямралтай тэмцэх хөтөлбөрийг УИХ хэлэлцээгүй. ЗГ-аас өргөн барьсантай хамтруулаад хэлэлцээд төсөвт тодотгол хийх замаар явсан бол эдийн засгийн хүндрэлээс хохирол багатай гарах боломжтой байсан. Жишээ нь, ажлаасаа халагдсан хүн бүр ажилгүйдлийн тэтгэврээ 76 хоног авдаг. 77 дахь хоногоос эхлээд гурван сарын турш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгө буюу 1260000 төгрөгийн тэтгэмжийг төсвөөс өгье гэсэн юм. Ипотектэй 100000 өрх нэг жилээр 400 тэрбум төгрөгийн төлбөрийг хойшлуулах гэх мэтийн шал өөр хүндээ хүртээмжтэй хөтөлбөрийг хэлэлцсэнгүй.

-Цар тахалтай холбоотойгоор Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хэр оновчтой байна гэж харж байгаа вэ. Иргэдээ гаднаас авчирч байгаа нь зөв үү?

-Манай улсын эрүүл мэндийн систем хэдэн арван мянган коронатай хүн ирэхэд хүлээж авах боломжгүй байгаа. Шаардлагатай амьсгалын аппарат нь мянгаар хэрэгтэй байхад 100 ширхэг байгаа үгүйг ч мэдэхгүй байна. Нью-Йорк муж л гэхэд 50 мянган аппарат нөөцлөх тухай ярьж байна. Болохгүй бол урлагийн том танхимуудаа суллаж, амьсгалын аппаратаа ор болгоны хажууд тавьж бэлдэнэ гэнэ. Манайд тийм бэлтгэл байхгүй. Их л болгоомжтой хандах хэрэгтэй. Өвчинтэй тэмцэж байгаагаараа улс төр хийж огт болохгүй. Аюултай ажил л даа. МАН үүнийг сонгуульд амжилт олох боломж гэж бодоод байх шиг байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тавдугаар станцыг 20-иод жил гацаасан төр Таван толгойн станцыг таван жилд барих уу даа

Таван толгойн цахилгаан станц гэж болж бүтдэггүй юмсын нэг байна. Ер нь Монголд ямар ажил бүтдэг, ямар ажилд нь тээг саад учирч, бүтэл муутайхан байдгийг ард түмэн мэддэг болсон доо. Монголын эрх ашигт яв цав нийцсэн, хөршүүдээсээ эдийн засгийн болон улс төрийн хувьд хараат бус болоход чиглэсэн аливаа ажил л бүтэлгүйтэн замхардаг. Үүний тод жишээ нь Тавдугаар цахилгаан станц. Энэ станцыг барих гэж шийдээд 20-иод жил болжээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл цаасан дээрх төсөл хэвээр байсаар байна. Хэрэв бид 450 МВт-ын хүчин чадал бүхий энэхүү станцыг барьсан бол нийслэлийн цахилгааны нийт хэрэглээний тэн хагасыг дангаараа нийлүүлж чадах байв. ОХУ-аас жилд цахилгаан эрчим хүч худалдан авахад зарцуулдаг 40 хүртэлх сая ам.доллараа ч тэр чигт нь хэмнэж дөнгөнө. Хүн царайчилдаг олон зүйлсийн нэг нь ч болтугай хасагдана. Тэр хэрээрээ бид чадавхжиж, ард иргэдийн аяганд орох боорцогны тоо нэмэгдэхээс эхлээд ирэх үр өгөөж нь ч их байх байлаа.

Уг станцыг барих хөрөнгө мөнгө олдсон. Өнөө маргаашгүй барина гэж олон ч хамтрагчтай тохирч гарын үсэг зурсан. Гэвч баригдаагүй. Яагаад баригдахгүй өдий хүрсэн учир шалтгаан нь ч олддоггүй. Анхаарч үзэж, ажил хэрэг болгоё гэхээ ч больсон. Төрийн түшээд, Улсын Их хурал зөвхөн Тавдугаар станцыг тойроод л хэнд ч хэрэггүй Соёлын төвүүдийг бариад байдаг. Станцаа байг гэхэд сургууль ч болтугай барьмаарсан. Магадгүй олон сургуультай болчихвол иргэд боловсорчих нь, сэхээрчих нь гэж боддог байх л даа.

Тавдугаар цахилгаан станцтай ижил хувь заяатай Эгийн голын усан цахилгаан станцыг ч энд дурдах нь зүйтэй. Эгийн голын усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийн төслийн судалгааны ажил 1992 онд эхэлжээ. Бүхэл бүтэн 28 жил өнгөрчихөөд байхад гарт баригдаж, нүдэнд үзэгдсэн зүйл алга. Эхлээд Малайзууд барихаар болсон. Дараа нь Чех болж хувирсан. Одоо бүр хэсэг бүлэг нөхдүүд Байгал нуурын ус ширгэнэ гэсэн таамаг төдий зүйл ярьж, түүнийгээ улаан цээжээрээ хамгаалчихаад бариулахгүй байгаа. Тэд оросууд ч биш. Иргэний хөдөлгөөнийхөн гэж өөрийгөө нэрлэсэн манай улсын иргэд юм.

Ингэж сунжирсаар 2015 онд Эгийн цахилгаан станцыг урд хөршийн хөнгөлөлттэй зээлээр барих болсныг та бүхэн санаж байгаа байх. Тэр үед Хятадын тал “ОХУ зөвшөөрвөл бид санхүүжүүлж болно” гэж байв. Бид Оросын, эсвэл Хятадын харьяат уу. Ингэж хэлснээс нь дүгнэхэд ямар ч байсан тусгаар улс биш,өөрийн мэдэлгүй улс юм шиг байгаа юм.

Дээрхүүдтэй адил ажил хэрэг болж чадаагүй нэг станц бол Оюу толгойг цахилгаанаар хангах ёстой цахилгаан станц. Анх Оюу толгойтой цуг яригдсан боловч ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй байсаар өнөөдөртэй золгосон. Мэдээж энэ хооронд их юм өрнөсөн. Үйл хэрэг болгох гэж цөөнгүй хүмүүс оролцож, эцэстээ үр дүнд хүрч чадаагүй.

Товчхондоо, “МСS”-ыг барих гэхэд нь болиулсан. Тэд золтой л хэрэгт орчихоогүй. Өнөөдөр ч “МСS”-д наасан муу нэр арилаагүй байна. Монголын хамгийн луйварчин компани гэх нэр зүүгээд л явдаг. М.Энхсайхан гэрээ хийж бариулах гэсэн биш шоронд явахаа дөхсөн. Түрүүчийн Засгийн газрын үед мега төсөл хариуцан ажиллаж байхдаа Таван толгойд цахилгаан станц барих тухай их ярьдаг байсан. Одоо тэр монголчуудын эрх ашгийн төлөө юм хийх гэснийхээ төлөө аавын хаалга татах үгүй дээрээ тулчихсан, хэрэг нь шүүхэд шилжчихээд сууж байна.

Энэ мэтчилэн цахилгаан станц барих ажилд ямар нэгэн байдлаар чөдөр тушаа үүсч, баригддаггүй. Гэтэл энэ Засгийн газар сонгуулийн өмнө Таван толгой станцыг төрийн мөнгөөр барих болсноо зарлалаа. “Эрдэс-Таван толгой” компанийг түшиглэнэ, шаардлагатай гэвэл бонд гаргаж санхүүжилтийг нь босгоно л гэнэ. Гаргасан зардлаа таван жилийн дотор нөхөх боломжтой гэдгийг ч ярьж байна. Тавдугаар станцыг 20-иод жил барьж чадаагүй төр Таван толгойн станцыг таван жилд барьж чадах уу. Мэдээж хэлсэн ярьсан нь биеллээ олж энэ станц баригдвал түүн шиг хэрэгтэй зүйл юу байх вэ. Оюу толгой компани жилд 170-200 сая ам.доллараар эрчим хүч импортолдог. Үүнийг дотоодоосоо хангачихвал бидэнд олон давуу талууд бий болно. Ингэж чадвал монголчууд дээр дооргүй баярлаж, алгаа ташин хүлээж авах нь ч гарцаагүй.

Гэхдээ явж ирсэн туршлагаас харахад энэ шийдвэр сонгуулийн шоу л болох байлгүй дээ. Төр таван жилд нэг станц барьчих боломжтой, тэр станц нь таван жилийн дотор зардлаа төлчихдөг байсан юм бол өнгөрсөн хориод жилд дөрвөн станц барьчих цаг, боломжоо бид алдсан байна. Хийгээгүй л байхгүй юу даа, хийдэггүй л байхгуй юу. Тэгээд одоо энэ цагт хийнэ гэхэд даанч үнэмшилгүй байна аа. Дээрээс нь дэлхий даяар цар тахал гарч эдийн засаг агшиж байгаа энэ үед үлгэр болоод дуусах байх. Үнэхээр л цахилгаан станцтай болъё гэж бодож байгаа юм бол энэ ажилдаа хувийн хэвшлийг оруулах нь хамгийн зөв. Хурдан хугацаанд, чанартай гүйцэтгэ, тэдэн төгрөгөөр худалдаж авъя гэж тохироод, гэрээ хийгээд л оруулчих хэрэгтэй. Өнөөдөр хувийн хэвшлүүд Таван толгойн станц байтугай таван тивийг хангах станц барих чадалтай болчихсон шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Томоогүй хэрнээ манлайлагч 10 “Г” ангийнхан

Нийслэлийн 72 дугаар сургуулийг 1986 онд Ч.Алгаа багшийн удирдлагад төгссөн 10 “Г” ангийнхан энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд уригдан оролцож байна. 10 “Г” ангийнхан зургадугаар ангид орох жилээ нэг хамт олон болон бүрэлджээ. Зургадугаар ангийг дахин шинэ бүлэгтэй болгож, тэнд бусад бүлгийн хамгийн сахилгагүй нөхдүүд цугларсан нь энэ юм. Хэдий дүрсгүй, хөдөлгөөнтэй нөхдүүд нэг анги болсон ч төд удалгүй бусад бүлгээсээ онцгойрч, урлаг, спорт, хичээл сурлагаараа манлайлж эхэлжээ. Үргэлж л сахилгагүйгээрээ дуудуулдаг байсан нөхдүүд шинэ анги хамт олон, шинэ уур амьсгалд орж ирснээр өөрчлөгдөж, хичээлдээ сайжирсан нь тэр байлаа.

Тус ангийнхныг авьяаслаг, чадварлаг хамт олон болохыг сургуулийн урлагийн үзлэгт манлайлсан хийгээд Бүх ард түмний спартакиадад оролцож хүрэл медаль хүртсэнээр нь дүгнэж болно. Спортын уралдаан тэмцээнд ч тэд чамгүй амжилт гаргаж байжээ. Харин ангидаа урлаг, спортоор тэргүүлэгч нь Д.Баянмөнх байсныг ангийнхан нь дуу нэгтээ хэлж байсан юм.

Гэхдээ тэд сахилгагүй, томоогүй зангаа гээсэн үү гэвэл үгүй байлаа. Тэд шинэхэн юбка, саарал костюмаар гангарсан багш нараа чернилиэр будаж донго хүртэж байж. Сургуулийн цайны газарт цайгаа авахаар цааш эргэсэн Гармаабазар багшийнхаа тавагтай хуушуурыг шүүрч аваад, хувааж идсэн түүх ч тэдэнд бий. Одоо хэр нь багшийнх нь хуушуураа хэдэн жаалуудад алдсан тэр царай тэдний санаанд тод үлдэж. “Сүүлд бодох нь ээ багш нарыгаа өрөвддөг юм. Юм ховор, үнэ цэнэтэй байсан тэр үед мөн ч болчимгүй дэггүйтдэг байж дээ” хэмээн тэд ярьцгаана. Хүүхдийн л гэнэн томоогүй зан хойно багш нар нь ч сүр бадруулалгүй өнгөрөөдөг байсан тухай тэд хэлж байлаа.

Б.Нямдэлэг “Би их дүрсгүй гэгддэг хүүхэд байлаа.Угтаа тийм ч томоогүй байгаагүй л дээ. Ангийнхантайгаа хамт үймүүлэхээр яаж, ийж байгаад л би багшид баригдчихдаг байсан юм. Бусдыгаа матахгүй гэсэндээ өөрөө гэмтэн болдог хэрэг. Хөгтэй явдлууд ч их болно. Бид багшийг орж ирэхээс өмнө дэлгээтэй журнал дээр нь дүнгээ засчихдаг байсан юм. Би ч мөн адил дуурайж дүн тавьж байгаад баригдчихдаг байгаа. Тэр явдлаас их ичдэг байж билээ. Дараа нь хүүхдийн толгой хагалж хатуухан донгодуулснаар бүр хаширч, номын мөр хөөсөн дөө. Манай анги таван онц сурлагатантай байсан. Би тэднийг нэхсээр төгсөх жилээ эгнээнд нь нэгдэж билээ” гэв. Төгсөх шалгалт эхлэхэд билет цээжилнэ гэдэг амаргүй даваатай нүүр тулдаг. Тухайн үед гэр хорооллын хүүхдүүд нь уулан дээрээ эртлэн гарч билетээ уншдаг байсан нь тэдний мартагдашгүй дурсамжуудынх нь нэг болжээ.


Ангийн багш Гэгээрлийн тэргүүний ажилтан Ч.Алгаа нь тун ч чадварлаг нэгэн байсан талаар тэд дурссан. Энд тэндээс нийлж нэг анги болсон ёстой л үхрийн эвэр шиг хэдэн нөхдийг нэг цул болгож, тэр бүү хэл сургуулийнхаа манлайлагч хамт олон болгохын төлөө багш нь чадах мэдэх бүхнээ, сэтгэл юугаан зориулсан нь лавтай. Сургуульдаа манлайлагч анги болсон тэд бусад ангийнхны хувьд ёстой л “од” байжээ. Тиймдээ ч ангийн охидууд, хөвгүүд нь бусад ангийнхны харааг булааж, хайрын захиа авах нь олонтаа байж. Тэднийг ахлах ангид орох үед “Би чамд хайртай” кино гарснаар хөвгүүд гастукаа орхиж костюм зангиа зүүх мода дэлгэрсэн байна. Мөн офицер цүнхээр гангардаг байж. Хэдий юм ховор ч ахлах ангийн сурагчид болсон хойно олоод гангарчихдаг л байлаа хэмээн тэд ярьцгаав. Харин охидууд нь сурагчийн формоороо гоёдог байжээ.

Л.Эрдэнэчимэг “Бидний үед хичээл ороод 14 хоногийн дараа намрын ажилд явдаг байлаа. Хадлан авах, ногоо хураах ажлууд хийнэ. Тэр бүхэн л хүүхэд ахуйн сайхан дурсамж болон үлджээ. Ангийнхныгаа хөгжөөж, инээд хөөр нэмдэг хүүхдүүдийнхээ ачаар ажлын хүндийг ч мэдэхгүй дээ. Манай ангийн Энхбаатар тун хөгжилтэй хүүхэд байж билээ” хэмээн дурсав.

10 “Г” ангийнхан улс төр судлаач, инженер, багш, эмч гээд төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн байна. Тус ангиас нэг доктор төрсөн нь Ж.Баттөр аж.34 жилийн өмнө үүрнээсээ нисцгээсэн тэд ийнхүү өдгөө өөр, өөрийн гэсэн зам мөрөөр амьдралыг туулж, хийсэн ажил, хэлэх үгтэй намба суусан эрхмүүд болжээ.

Б.Нямдэлэг “Сурагч ахуй нас гэдэг үнэхээр л хир, толбогүй, гэнэн цагаан, цовоо цолгиун, мөрөөдөлдөө умбасан үе байдаг юм байна. Эргээд бодоход ажил амьдрал гэсээр бид тэр нандин сайхан үеэ холын хол орхичихож. Мэдээж энэ хугацаанд амьдрал нь тогтож, сэхээ авах үе ирсэн нь дамжиггүй. Энэ үедээ л хүн цагаан цаас шиг байх үедээ үерхэж нөхөрлөсөн ангийн хамт олноо санадаг юм байна” гэж байлаа.

Тэд гурван жилийн өмнө сургуулийнхаа ойгоор цугларчээ. Төгссөнөөсөө хойш огт уулзаагүй хүмүүс ч тэнд байж. Ч.Алгаа багшийнхаа хамтаар хэдэн өдрийг инээд хөөрөөр бялхаж өнгөрүүлсэн нь тэдэнд хаа нэгтээ гээж үлдээсэн тийм гэхийн аргагүй мэдрэмжийг төрүүлсэн байна. “Бид эрч хүчээр ёстой л сэлбэгдэх шиг болсон. Хүн гэдэг нас нэмж, нүүрэнд үрчлээ тодрохоос бусдаар өөрчлөгддөггүй юм байна. Хүүхэд байхдаа ямар байсан яг л тэр ааш аяг хэвээрээ л үлддэг юм байна гэдгийг ангийнхантайгаа уулзаад мэдсэн. Бид бүгдээрээ яг л арван жилийн жаахан хүүхдүүд шиг болчихсон шүү. Нэгнийгээ цаашлуулж, шоглож, дурсамжуудаа хуучилж ёстой л жаргалтай өдрүүдийг өнгөрөөсөн” хэмээн тэд баяр хөөр дүүрэн ярьж байлаа.

Энэ уулзалтаас хойш тэд үргэлж уулзахыг эрмэлзэх болжээ. Шинэ жил, баяр наадам гээд боломж л гарвал бие бие рүүгээ тэмүүлж, хамтдаа хүүхэд ахуйн тэр цаг мөчдөө очихыг урьтал болгодог болсон байна. Тэд гурван жилийн өмнөх тэрхүү уулзалтаараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, сургуульдаа багахан хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ.

Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Сонгуулийг хойшлуулж, иргэдийн төр барих эрх рүү яаран халдах шаардлагагүй

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.


-Ерөнхийлөгчөөс УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уриалга гаргасан. Хэрэв сонгуулийг хойшлуулахаар болчихвол Үндсэн хууль зөрчих үү?

-УИХ-ын сонгуулийг хойшлуулахгүй, болж өгвөл хугацаандаа хийх нь зүйтэй гэсэн байр суурийг МАН-ын бүлэг илэрхийлж байгаа. Гэхдээ нөхцөл байдал хэрхэн өрнөхийг өнөөдөр хэн ч тааж мэдэхгүй. Хэдий цар тахал дэлхий нийтийг сандаргаж байгаа ч улс төрийн сонгуулиа хойшлуулсан орон хараахан алга. Жишээ нь, дөрөвдүгээр сарын 15-нд БНСУ УИХ-ынхаа сонгуулийг хийхээр шийдвэрлэж, сурталчилгаа нь ид дундаа орж байна. Халдвар хамгааллын нарийн дэглэм дор сонгуулиа хийх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан байна лээ. Европын хэд хэдэн орон тав, зургадугаар сард сонгуультай, одоогоор сонгуулиа хойшлуулсан ямар нэгэн чиглэл, мэдээлэл алга. Тийм учраас бид ард иргэдийн төр барих үндсэн эрх рүү яаран халдах шаардлагагүй. Үндсэн хуульд шинэ УИХ-ын гишүүд тангараг өргөснөөр өмнөх УИХ-ын гишүүдийн бүрэн эрх дуусгавар болдог. Ийм учраас сонгуулийг хойшлууллаа ч гэсэн парламентын үйл ажиллагаа, бүрэн эрхийн асуудал шийдэгддэг эрх зүйн зохицуулалт бий. Үүнээс гадна сонгууль хойшлуулах нөхцөл яг өнөөдрийн байдлаар үүсээгүй байна гэдгийг мэргэжлийн байгуллагууд дүгнэж байгаа.

-Хатуу хөл хорио тогтоох шаардлага үүсвэл иргэдийг заавал цуглуулахгүйгээр цахимаар ч гэдэг юм уу өөр арга замаар саналыг нь авах боломжтой юу. Энэ талаар тооцож судалж байгаа зүйл бий юү?

-Цар тахлын үед бусад оронд хийж байгаа сонгуулийг харахаар олноор хүн цуглуулахыг хязгаарлаж, сонгууль өгөхдөө нэг метрийн зайтай дугаарлаж, тодорхой минутын зайтай цуварч саналаа өгч байна. Манайх ч гэсэн ийм халдвар хамгааллын нарийн дэглэм дор сонгуулиа хийнэ байх. Харин цахим хэлбэрээр сонгууль явуулахад улсын хэмжээнд техникийн хувьд, иргэдийн сэтгэл зүй, улс төрийн намуудын бэлтгэл ажлын тухайд ч бэлтгэл хангагдаагүй гэж бодож байна.

-Ерөнхийлөгчийн уриалгыг иргэд янз бүрээр хүлээж авч байна. Цар тахлыг далимдуулж төрийн эрх мэдэл авахад санаархаж байна гэдгийг ч тулхтай хуульчид онцолсон. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд Ерөнхийлөгчийг бусад засаглалуудаа зогсоогоод, дангаараа засаглалын эрхийг авах санаагаар асуудлыг хөндөөгүй байх гэж бодож байна.

Монгол Улсын үндэсний эв нэгдлийг хангах субьектийн хувьд сонгуулийн сурталчилгаа эхэлсний дараа, санал өгөхийн өмнө улс даяар цар тахлыг хяналтаас алдвал бид ямар байдалд орох вэ гэдэг талаас нь дүгнэж харж, асуудлыг тавьсан байх гэж эерэг талаас нь харж байгаа. Өнөөдөр цар тахалтай улс даяараа тэмцэж байна. Нэг ёсондоо энхийн цагийн дайн болж, өвчин зовлон, үхэл хагацал болж байгаа энэ үед асуудалд улс төрийн агуулгаар битгий хандаасай гэж улстөрчдөөс хүсч байгаа. үнэхээр ард иргэд ч гэсэн улстөржилтийг хүлээж авахгүй байна шүү дээ.

Ерөнхийдөө Онц байдлыг гамшгийн, нийтийн эмх замбараагүй байдал, дайны болон дайн бүхий байдал гэх зэргээр үздэг л дээ. Парламентын зүгээс холбогдох хуульд зарим нарийвчилсан заалтуудыг ойрын үед тусгая гэж байгаа. энэ нь Монголын болоод дэлхий нийтийн хувьд анх удаагаа үүссэн тооцоолж болшгүй хүчин зүйл шүү дээ.

-Цар тахалтай холбоотойгоор Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Тэр дундаа эдийн засгийн асуудлуудад тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Энэ тухайд?

-Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор дэлхий нийтийн өмнө том сорилт тулгарч байна. энэ үед Монгол Улсын төр засаг бүхий л шатандаа нэгдмэл бодлоготой, нэг санаатай байх нь чухал. зөвхөн төр засаг ч гэлтгүй ард иргэд эв нэгдэлтэй байж хамтран зүтгэснээр энэ хүндрэл бэрхшээлийг даван туулна гэж бид үзэж байгаа. Тийм учраас хаврын чуулган эхэлсэнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг хуралдаж, улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, засгийн газраас өргөн бариад буй “Ковид-19”-ийн нийгэм эдийн засагт учруулж байгаа хүндрэл, бэрхшээл, эрүүл мэндийн салбарт хийх зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтаар холбоотой асуудлаар оруулж ирсэн саналыг зарчмын хувьд дэмжсэн. Монгол Улсын засгийн газар, Ерөнхий сайдаас дэвшүүлж байгаа тав гаруй их наяд төгрөгийн санхүүжилттэй долоон багц асуудлыг хэрэгжүүлснээр өнөөдөр тулгамдаж буй асуудлуудыг шийдэх боломж бүрдэнэ. энэ багц асуудлын хүрээнд иргэд, аж ахуй нэгжүүдийг ялгаварлан гадуурхахаа больё, зөвхөн орлого нь буураагүй төсвийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, тэдгээрт ажиллаж байгаа хүмүүсийн асуудлыг тусад нь авч үзье гэж шийдсэн. Мөн цаашдаа ажлын байрыг хадгалах чиглэлд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэх шийдвэрийг бүлгээс гаргасан.

-Цаашдаа дэлхийн эдийн засагт хүндрэл үүсэх нь тодорхой болчихсон. хэрэв цаашдаа нөхцөл байдал улам хүндэрвэл бид яах вэ. Тэр талаар хэрхэн төсөөлж, тооцсон бэ?

-Судлаачид цар тахлаас үүссэн хүндрэл хамгийн багадаа нэг жил хоёр сар, цаашилбал нэг жил зургаан сарын турш үргэлжилж, томоохон хүндрэлийг бий болгоно гэж ярьж байгаа. Дээрх нь эхний авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм. Нөхцөл байдал байдал хэрхэн өөрчлөгдөхийг бид битгий хэл дэлхий нийт ч хэлж мэдэхгүй байна. Тиймээс бид нөхцөл байдлыг гурван хувилбараар авч үзэж тооцоо хийж байгаа. Өнөөдрийн дотооддоо халдвар тархаагүй нөхцөлд “А” хувилбар хэрэгжиж байна. Магадгүй дотооддоо өвчин гарвал , эсвэл хоёр, гурван жилийн турш үргэлжилсэн хямрал үүсч, үүнийгээ дагаад дэлхийн эдийн засагт гүн хямралын байдал үүсэн Монгол Улсад цар тахал хяналтаасаа гарвал яах вэ гэдгийг тооцон, муу, дунд, сайн гэсэн хувилбаруудыг авч үзэж, саналуудыг боловсруулсан. Ийм ч учраас яаран төсөв тодотгох шаардлага багатай байна гэж үзэж байгаа.

-Төсвийн тодотгол хийж, зарим зардлуудаа танах ёстой биш гэж үү?

-Ерөнхийдөө төсвийн тодотгол хийж, тэвчиж болох зардлуудаа танах асуудал бий. Гэхдээ энэ асуудалд хууль эрх зүйн хүрээнд зохицуулалт хийх боломжийг Сангийн сайд нээж өгч байгаа. Нэг ёсондоо гадаад томилолт, бичиг хэрэг, урсгал зардлыг танаж, хөрөнгө оруулалтуудаа ч эрэмбэлж байгаа. Төсөв тодотгоод хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудыг зогсоох нь нэг талдаа эдийн засгийг улам агшаах талтай. Манай улс жилдээ улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаад, дотоодын зээл тусламжаар 20-иод мянган аж ахуйн нэгж ажил, үйлчилгээ хийдэг. Энэ аж ахуйн нэгжийг дагаад олон тооны иргэд ажил орлоготой байдаг. Нөгөө талдаа хямралын үед эдийн засаг агшиж байгаа. Импорт, экспорт багасаад дотоод эдийн засгийн эрчимжилт суларчихсан байна. Тэр ч утгаараа бид энэ олон аж ахуйн нэгжүүдээр дамжуулж иргэдийг ажилтай, орлоготой байлгаж, тэдгээрийг дэмжих нь эргээд эдийн засгийг идэвхжүүлж байгаа үйл явц. Дэлхий нийт ч ийм байна. Өнөөдөр төсвөө танаж байгаа орон алга. харин ч их олон орон төсвөө тэлж, хөрөнгө оруулалтаар дамжуулж аж ахуйн нэгж, иргэдээ дэмжсэн бодлого руу чиглэж байна. Дээр дурдсанчлэн мэдээж тэвчиж болох зардлуудыг эрэмбэлж байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх сарын 25-наас хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор Засгийн газрыг огцорно, огцрохгүй гэх талцсан байр сууриуд үүслээ. Та үүнд тайлбар өгөөч?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байх явцад бид олон талаас нь ярьсан. Шинэ үндсэн хуулийн парламент, засгийн газартай холбоотой заалтууд долдугаар сарын 1-нээс үйлчлэхээр, үүнийг тухайн салбарын органик хуульд нь нарийвчилж хэрэгжилтийн хугацааг нь зааж өгөхөөр тусгасан. Мөн Ерөнхийлөгчтэй холбоотой заалтуудыг 2021 оны долдугаар сараас 1-нээс хэрэгжихээр заасан. энэ утгаараа засгийн газрын бүрэн эрхийн асуудал шинэ Үндсэн хууль хэрэгжих тавдугаар сарын 25-наас хойш шууд хөндөгдөхгүй гэж үзэж байгаа. ийм ч агуулгаар протоколд тэмдэглэсэн, тогтоолд орсон, Үндсэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд туссан. энэ нь улс төрийн зорилгоор сэдэв гаргаж нийгмийг төөрөгдүүлэх гэсэн цөөн улстөрчдийн явуургүй оролдлого.

-Шинэ үндсэн хуулийн өөрчлөлтөөр одоогийн Ерөнхийлөгч дахин төрийн тэргүүний сонгуульд оролцох боломжгүй болсон гэдэг нь хэр бодитой вэ?

-үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн хүн зургаан жилээр нэг удаа сонгогдож байхаар тусгасан. Мөн Ерөнхийлөгчийн эрх үүрэг үндсэн хуульд заасан 18 чиг үүргийн хүрээнд хязгаарлагдана гэж заасан. Шинэ үндсэн хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулаад одоогийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгч нэр дэвших боломжтой. энэ эрх нь нээлттэй. Тэр битгий хэл өмнөх үндсэн хуулиар Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдож байсан хүмүүс ч дахин нэр дэвших боломжтой. Ямар нэгэн хязгаарлалт байхгүй.

Categories
мэдээ цаг-үе

Б.Ариунболд: Иргэдээ мөнгөжүүлмээр байна

“COVID-19” халдварын тархалттай холбоотойгоор манай орны эдийн засаг, тухайлбал бизнесийн хэвшлийн байгууллагууд ихээхэн хүндрэл, сорилттой тулгарч байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор АН-ны ГУУГТ-ны бодлогын зөвлөлийн гишүүн Б.Ариунболдтой ярилцлаа.


-Коронавирусийн тархалттай уялдан дэлхий нийт өмнө нь болж байгаагүй цоо шинэ нөхцөл байдалтай учирлаа. Засгийн газар, ард иргэд бүгд л шинэ төрлийн халдварын эсрэг тэмцэж байна. Энэ талаарх сэтгэгдэлээ хуваалцана уу?

-Манай эрүүл мэндийн байгууллагууд, олон түмнийхээ дэмжлэгтэйгээр халдварыг нэмж тархаахгүй байх чиглэлд ДЭМБ-ын заавар зөвлөгөөний дагуу ажиллаж байна. Иргэдийн маань эрүүл мэнд, амь нас хамгийн чухалд эрэмбэлэгдэх хэдий ч дүйвээнээр нь тэдний амь зуулга, олдог хэдээс нь бүр салгамааргүй байна. Ер нь сүүлийн 3,4 сар бизнесийн итгэлийн индекс суларч, иргэдийн худалдан авалт ихээр муудлаа. Шилжилт хөдөлгөөний хорио тавигдаж, ихэнх бизнесийн байгууллагууд ажиллаж эхэлсэн хэдий ч иргэдийн бараа бүтээгдэхүүн худалдан авах идэвх эрс суларч, зөвхөн нэн шаардлагатай хүнс барааны худалдан авалт хэвийн үргэлжилж, бусад нь царцаж эхэллээ. Нэг зүйл тодорхой нь хэрэв халдвар эмнэлгээс гадагш алдагдлаа гэж үзвэл бүх байгууллага, компаниудын үйл ажиллагааг зогсоож, гэрийн хорионд иргэдээ оруулах нь зайлшгүй. Өөрөөр хэлбэл, манай аж ахуйн нэгж, байгууллагууд ирээдүйгээ удирдах төлөвлөх боломжгүй, хэзээ ч хаагдаж магад нөгөө тулалдааны өмнөх нам гүм гэдэг шиг орчинд амьдарч, вирус тархалт нь хурдан зогсоосой гэж залбираад л байж байна. Цар тахал хэрхэн бусад улс орнуудад тархаж байгаагаа бид өдөр бүр харж байна. Хүн бүр бусад улс орнуудад өрнөж байгаа үйл явц манай улсад ямар нөлөө үзүүлэх болгэдгийг тооцоолж байгаа байх. Энэ цаг үед Засгийн газраас хэрэгжүүлэхээр танилцуулагдсан эдийн засгаа хамгаалах, идэвхижүүлэх бодлогод үнэндээ сэтгэл дундуур байна.

-Тэгээд таны бодлоор яаж ажиллах ёстой гэж?

-Юуны түрүүн нөхцөл байдал маш хурдтай өөрчлөгдөж байна. Дэлхийн ертөнц маш том хямралтай туллаа гэдэгтэй бүхий л томоохон эрдэмтэд, судалгааны байгууллагууд санал нэгдэж байна. Мах, талхаа өөрсдөө хийдэг юм чинь бид алзахгүй ээ гээд зурагтаа хараад л суугаад байх уу. Харамсалтай нь манай эдийн засаг томрохын хэрээр бид энэ глобалчлал, энэ өртгийн гинжин хэлхээний нэг хэсэг нь болчихоод байна. Ганц экспортын орлогын эх үүсвэр болж төсөвт валют оруулж ирдэг уул уурхайн салбарын маань бүтээгдэхүүнүүдийн үнэ байнга уруудаж байгааг бид харж байна. Хэдийгээр Хятадын үйлдвэрлэл сэргэж байгаа гэж байгаа боловч зэс, гангаар хийсэн бүтээгдэхүүний үндсэн хэрэглэгчид болох өндөр хөгжилтэй орнуудын үйлдвэрлэл үндсэндээ тэг зогсолт хийчихээр хэн худалдаж авах билээ дээ. Өөрөөр хэлбэл, эцсийн бүтээгдэхүүний эрэлт тал үндсэндээ байхгүй болохоор эрдэс түүхий эдийн эрэлт дагаад л буурах нь зайлшгүй. Тэгэхээр бодит үнэнтэй нийцэхгүй, өөдрөг төсөөллөөр хийсэн төсөвийн орлоготой 2020 төсөвөөр улс орныг авч явах нь зохимжгүй. Хувьсан өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалтай уялдан төсөвт тодотгол хийх зайлшгүй шаадлагатай байна.

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөвт тодотгол хийхгүй, хэрэв зардлаа танавал эдийн засаг борцлогдоно гээд байгаа шүү дээ?

-Харин тэгж хэлээд, бүх тендерээ 5 сараас өмнө, тодруулж хэлбэл сонгуулиас өмнө зарлаад, тодруулах гээд л яваад байна. Би үүнийг сонгуулийн зардлаа босгох гээд, өөрийн намын гишүүддээ амжиж тендерээ өгөх гээд улайраад байна гэж хардаж байна. Одоо жаахан улсаа бодмоор байна. Манай улс багахан зүйлс өөрсдөө үйлдвэрлэж, ихэнхийг нь гаднаас оруулж ирдэг импортын хэт хамааралтай орон шүү дээ. Гаднаас орж ирдэг валютын орлого эрс муудлаа. Орлогогүй төсвийн зарлага хэвээр үргэлжлэхээр бүх мөнгө маань доллар болоод л гадагш гарна шүү дээ. Та бүхэн төгрөгтэй харьцах ам.долларын ханшийг ажиглавал зугуйхан байнгын өсөлттэй байгааг харж л байгаа. Одоо тендерийн ам долларын худалдан авалт эхлээгүй байна. Уг нь эдийн засгийн хуулиараа ам долларын эрэлт бага үед ханш өсөх учиргүй. Энд өөр хүчин зүйл үйлчилж байна. Төгрөг маань доллар болж хувираад байна. Одоо баахан тендерийн ам долларын худалдан авалт эхэлнэ. Монголбанк ямар ч байсан сонгууль дуустал ханшийг барихын тулд зах зээл рүү байгаа доллараа оруулна. Сонгууль болдогоороо болно. Тэгээд яах вэ? Америк долларын ханшийн зөрүүнээс үүдэлтэй инфляци гаарч төгрөгийн худалдан авах чадварыг сулруулж, иргэдийн амьжиргаанд том цохилт бий болох вий гэдгээс ихээхэн санаа зовинож байна.

Миний хувьд бизнесийн салбарт олон жил ажиллаж байна. Төрийн өмчит компанид ч удирдах албан тушаалд ажиллаж байлаа. Миний эргэн тойронд байгаа, бизнесийн салбарт хүчээ сорьж байгаа найз нөхөд хэрхэн энэ ирж байгаа хямралд бизнесээ авч үлдэх, амьд үлдэх талаар санаа зовинож, санал бодлоо солилцож байна. Ялангуяа өнгөрсөн хугацаанд өөрсдийн бэлтгэсэн ажилчдаа цомхотгохгүйгээр тэсч үлдэх вэ гэдэгт толгойгоо гашилгаж байна. Том зургаар харвал компаниуд ажилчдаа ажилгүйчүүдийн эгнээнд нэгдүүлэх эсэхээ шийдэж ядан, зарим нь ч аргагүйн эрхэнд ажилчдаа амраах, цомхотгох зэргээр зардлаа багасгах алхамуудыг хийж байна. Засгийн газраас нийгмийн даатгалын шимтгэлээс хөнгөлөх, зээлийн хүүг тодорхой хугацаанд хойшлуулах гэх мэт арга хэмжээ авч эхэлж байгаа боловч орлого байхгүй бол хэдий хүсэл байвч яаж ч чадахгүй шүү дээ.

-Хүнээ дээдэлдэг төртэй байна гээд л их ярьдаг. Ажилгүйдэл нэмэгдвэл их л олон сөрөг үр дагавар нийгэмд учрах нь зайлшгүй. Тэгэхээр өрхийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх асуудал яригдах байх?

-Хямралын үед улс орнуудын авч хэрэгжүүлсэн туршлагаас харахад нийт иргэдээ мөнгөжүүлэх, орлоготой байлгах талаар төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг, эргээд хэрэглэгчид нь бизнес эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч цикл үүсгэдэг зүй тогтолтой. Энэ үед Засгийн газар хөдөлмөр зарцуулалт ихтэй эдийн засгийн салбаруудыг сангийн бодлогоор дэмжин аль болох олон ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулж орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг. Бид яаж ажиллах вэ? Жишээ нь, замын салбар байна. Дарханы зам гээд баригдаж дуусдаггүй зам байна. Одоо яаралтай нийт Монголын замын компаниудыг цуглуулж хэсэгчилж өгөөд хяналт, шаардлагыг нь тавиад ажиллуулж эхлүүлмээр байна. Өнгөрсөн хугацаанд тендерт шалгарсан компаниуд нь замаа хугацаанд нь барьж чадахгүй юм байна гэдэг нь тодорхой боллоо шүү дээ. Нөгөө талаар улс орон даяар “Ойжуулах аян”ч гэж нэрлэнэ үү, бүх нийтийн мод тарих хөдөлгөөн өрнүүлмээр байна. Одоо дөрөвдүгээр сарын 15-наас мод тарих улирал эхэлнэ. Манай Хан-Уул дүүрэг гэхэд л Богд уулын хормой, Туул голын ай сав газар, хороолол, замуудын хооронд гээд мод тарьж ногооруулах боломжтой үй олон талбай байна. Гэр хорооллын айл өрхүүдэд мод тарих хөдөлгөөн өрнүүлэх шаардлагатай байна. Энэ хямралын үед өндөр хөгжилтэй зарим орнууд худалдан авалтыг дэмжих зорилгоор бэлэн мөнгө тараахаар төлөвлөж байна. Тэдэнтэй адил бэлэн мөнгө тараа гэж байгаа юм биш, хотоо, хүрээлэн буй орчиндоо ногоон байгууламж байгуулж, гоё сайхан болгосныхоо төлөө иргэдээ урамшуулж, орлоготой болгомоор байна. Гэр хорооллын иргэдэд хашаандаа мод, бут тарьсны төлөө өнгө төдий урамшуулал өгөх бус, бодитой сэжим түлхэц болохуйц урамшууллыг өгч чадвал иргэд ч идэвхтэй оролцоно, хот маань ногоон, эрүүл болно. Энэ мөнгийг төсөвтөө тодотгол хийж, тэвчиж болох зардлуудаа бууруулснаар гарах хэмнэлтээр санхүүжүүлж болно. Энэ мэт ядуурлыг бууруулах, айл өрхийг ажил орлоготой болгоход дэмжлэг өгөх ажлуудыг төрөөс санаачлан зохион байгуулмаар байна. Гэтэл яг эсрэгээр талбайн урд талын цэцэрлэгийг нурааж, усан оргилуур барина гэж ч байх шиг. Үүнийхээ оронд Богд уулын “Дугуй цагаан” луу иргэд олноороо алхдаг урд амралтын газрын жимийг менежмэнтээр засч сайжруулж хамгаалалттай жим гаргаж, тэмдэг тэмдэглэгээ хийж, хогийн сав зэргийг байршуулж амралтын цогцолбор барих боломжтой л харагдаж байна.

-Цар тахал маш эрчимтэй тархаж байна. Энэ хэвээрээ үргэлжилбэл манай оронд үзүүлэх нөлөөлөл илүү хор хөнөөлтэй болох байх. Таны бодол?

-Бид манай улс энэ халдварт өвчнийг тогтоон бариад бусад улс орны халдварын тархалт энэ хэвээр үргэлж байгаа нөхцөлд гэсэн кэйс дээр ярьж байна. Хэрэв цар тахал хүн амд тархвал ойлгомжтой бид иргэдээ хэрхэн амин чухал хоол хүнсээр хангах вэ гэдэг асуудал л ярих байх. Бусад нь цаашаа болох биз. Ийм юм болохгүй гэж найдаж байна.

Цар тахлын эсрэг вакцин гарч байж энэ уршигт өвчин зогсох байх. Вакцин гараад, хэрэглээнд очтол хамгийн багадаа нэг жил болно гээд байгаа. Улс орнуудын үйлдвэрлэл эргэн сэргэж 2019 оны түвшиндээ очтол дор хаяж 6 сар болох болов уу. Ингээд үзэхээр 2022 оноос дэлхий нийтийн эдийн засаг, бизнес хэвийн үйл ажиллагаандаа шилжих дүр зураг харагдаж байна. Тэгэлээр Засгийн газар сонгууль болтол биш бүр 2022 он хүртэл эдийн засагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө боловсруулан үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллах шаадлагатай байна. Макро түвшиндээ төсвийн болон мөнгөний бодлогоороо дамжуулан эдийн засаг, бизнест үүсэх эрсдэлийг бууруулах бүрэн боломжтой. Сэргийлэх гэж хэлээгүй шүү, ядахдаа уналтыг зөөлрүүлэх гэдэг талаас нь ярьж байна.

-Өнөөдөр Ардчилсан намын 30 жилийн ой болж байна. Та Монголд ардчилсан хувьсгалд анхнаас нь оролцож байсан хүний хувьд өнөөгийн ардчиллын талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

-Юуны өмнө ардчилсан хувьсгал, түүний үр дүнгээр бий болсон Ардчилсан намын 30 жилийн түүхийг хамтдаа бүтээлцсэн журмын нөхдөдөө ойн баярын мэнд хүргэж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Өнгөрсөн хугацаанд бид бүхэн ардчиллыг шинээр бүтээх үйл хэрэгт олон сорилт, хүндрэлтэй тулгарч, алдаа оноотой даван туулсаар өнөөг хүрлээ. Гэсэн хэдий ч монголчууд хэзээ ч ардчиллаас ухралгүй, ардчиллыг үнэт зүйлсийг өөрсдийн итгэл үнэмшил болгон төлөвшүүлж чадсаныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй байх. Ардчилал бол нийт иргэн бүрийн үнэт зүйлс юм. Хүн бүр хүсэл мөрөөдөлдөө хүрэх боломжийг дэмжсэн эрх чөлөөтэй, түүнийгээ дагасан хариуцлагатай нийгмийн төлөөх ардчилал маань сүүлийн жилүүдэд бүдгэрч хатуу диктатуртай нийгмийг хүсэмжлэх, зах зээлд төрийн оролцоог нэмэгдүүлэх, тэгш эрхийн зарчим алдагдах зэрэг сөрөг үр дагавартай нүүр тулах боллоо. Өнөөдөр ардчиллын ололтыг улам батжуулан бэхжүүлж, урагш ахиулахын тулд эрс шинэчлэлийг хийх нийгмийн шаардлага бий болж байна. Үүнийг ардчиллын үнэт зүйлс, эрх чөлөөг эрхэмлэгч олон түмнийхээ хүсэл зорилго, чармайлтын хамтаар гүйцэтгэж чадна гэдэгт итгэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ю.Дашбалынх

Ханш нээж байгаль дэлхий сэрж байна. Шинэхэн ногоо өндийж, яргуй хэнзлэн хүн малын сэтгэл тэнийх цаг айсуй.Жил бүр бид энэ бүхнийг үзэж туулах хэрнээ үргэлжид анхны, шинэхэн мэт мэдрэмж төрүүлдэг нь гайхам. Ийнхүү хаврын тухай хөнгөн, гэгээн бодол тээсээр зорьсон газартаа ирлээ. Бид “Танайд өнжье” булангаа бэлдэхээр Монгол Улсын зөвлөх эдийн засагч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ю.Дашбалынд ирсэн нь энэ. Ганцхан жилийн дараа 80 дахь хавартайгаа золгох гэж буй тэрээр нүдэнд дулаахан инээмсэглэл тодруулсаар бидэнд хаалгаа тайлав. Тэрээр эхнэр, зээ охины хамт гуравдугаар хороололд амьдардаг юм байна. Бид зочных нь өрөөнд тухаллаа. Цонхныхоо урдуур зүйл зүйлийн цэцэг тарьжээ. Хоёр талын хананд хуучны ховорхон номнуудыг тэвхийтэл өрсөн харагдана. Ханандаа нэгэн эрхмийн хөрөг зураг бүхий малчин Юндэн гэх бичигтэй жижиг хивс, Шавартын өндөр хайрханы зургийг онцгойлон залжээ. Одон, медаль, өргөмжлөл, гэрийн эздийн залуу цагийн нүд тусам хөргүүд ч харагдана. Бид цай цүй уунгаа Ю.Дашбал гуайн нутаг ус, ижий аавын тухай яриа дэлгэлээ. Тэрээр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын хүн аж. Сумынхаа Хүрэн гол баг буюу хүндлэн залсан Шавартын өндөр хайрханыхаа өвөрт хүүхэд ахуй насаа өнгөрөөжээ. Түүний аав Юндэн Төгрөг сумаас төрөн гарсан анхны Улсын сайн малчин юм байна. Өнөөх хивсэн дээрх хөрөг түүний аавынх аж. Юндэн нь малч ухаанаараа нутаг усандаа үнэлэгддэг, ажигч гярхай, хөдөлмөрч нэгэн байжээ. “Аав маань намар цаг шувтрахын алдад ирэх өвлийн өнгө ямархан байхыг шинжиж, нэг л базаахгүй бол Алтайн уулсыг давж Таянгийн нуруу, Тахийн шар нуруу тийш зорьдог байж билээ. Өнтэй газар луу нүүж байгаа нь тэр. Манайх гэдэг айл тэгж л мал малладаг байв. Манайх их малтай айл байсан ч одоогийнх шиг олон мянгаар тоологддог байгаагүй. Чанарт л анхаардаг байсан юмдаг уу даа. Бид эхээс есүүлээ. Би төрснөөс дөрөв дэх, өссөнөөрөө хоёр дахь нь юм. Бидний долоо нь хүн болсон хэрэг” хэмээн тэрээр ярив. Ю.Дашбал гуай Төгрөг сумынхаа бага сургуульд 1949 онд найман настайдаа орж төгсчээ. Улмаар 1955 онд Төгрөг сум долоон жилийн сургуультай болсноор 1957 онд долдугаар ангиа онц дүнтэй дүүргэсэн байна.

Долдугаар ангиа төгссөн зун нь түүний ах ажлынхаа амралтаар нутагтаа иржээ. Тухайн үед аав нь Дашбалыгаа нийслэл рүү явуулахаар нэгэнт шийдсэн байж. Хоосонгүй толгой гэдгийг мэдэх учир ахыгаа даган эрдэм номын мөр хөөг гэж бодсон нь тэр. Сумын захиргаа орж уулзан хүүдээ Санхүү эдийн засгийн техникумд сурах томилолт өвөртөлсөөр баяр хөөртэй ирсэн аавынх нь дүр төрх одоо ч түүний сэтгэлд тодхон үлджээ. Ийнхүү Ю.Дашбал ахыгаа даган нийслэлийг зорьсон байна. “Бид шуудангийн машинаар дөрвөн өдөр явж байж нийслэлийн бараа харсансан. Оройхон л орж ирсэн санагдана. Энд, тэнд гэрэл гялалзаад жигтэйхэн л гоё харагдаж билээ. Биднийг одоогийн цирк байгаагийн цаад талд буулгасан юм. Ах бид хоёр хятадын морин тэргийг гуйж мах шөл, хувцас хунараа ачаад, одоогийн Цагаан хаалганы наад тал, Дунд голын цаад талд байх ахын албан газрын гэрт буусан юм. Ах маань Худалдааны техникум төгсөөд, гурван ч жил ажиллачихсан байсан үе л дээ. Унаа тэрэг ховор ч байж дээ. Сургуульдаа орчихоод Цагаан хаалганаас Санхүүгийн сургууль хүртлээ алхчихдаг л байсан” хэмээн тэрээр ярилаа. Хотын хүүхдүүд ч сурлага сайтай байх даа, яадаг ч байсан гурав сурчих юмсан гэсээр Ю.Дашбал Санхүү эдийн засгийн техникумд оюутан болж байж. Гэтэл гурав битгий хэл тав сурсаар, улаан дипломтой сургуулиа төгсөж, 1960 оны зургадугаар сарын 20-нд 19-хөн настайдаа Сангийн яаманд байцаагчаар ажиллаж эхэлсэн байна. Ю.Дашбал“Бие жижигтэй учир техникум төгсчихсөн хэрнээ хүүхдийн хувцаснаасаа салаагүй байсан. Тийм л нөхөр Сангийн яаманд ажиллахаар ирсэн дээ.Сангийн яамаа төлөөлөөд шалгалтаар явахад нягтлангууд эхэндээ тоодоггүй байж билээ. Санхүүгийн номоор бол санхүүгийн шалгалт хийж яваа хүнд ширээ, сампин гаргаж өгөх ёстой юм. Хэрэглэгдэхүүнүүдийг гаргаж өгсөн ч хүний ширээний булан заагаад өгөх жишээтэй. Яахав ширээг нь голохгүй сууна л даа. Номыг нь заалгасан юм болохоор шаардлагатай бүх баримтуудыг нь нэхэж авч үзнэ. Санхүүгийн шалгалтаар заавал нэг зөрчил гардаг. Тэр тохиолдолд өнөөх хөдөлж өгдөггүй хүмүүст ёстой бууж өгөхгүй. Төл гээд л шаардана. Ингэж л байцаагч болж байлаа. Сүүлдээ хүн дагуулж сургаж ч явлаа. Сангийн сайд байсан А.Базархүү надаас хойш хоёр жилийн дараа төгсөж ирэн, манай хэлтэст ажилласан юм. Намайг дагаж шалгалт хийж сурсан хүн шүү дээ. Сэргэлэн гэж жигтэйхэн. Бид нэг нутгийн хоёр л доо” гэв.

Түүнийг Сангийн яаманд ирэхэд Д.Содном гуай Валютын хэлтсийн дарга байжээ. Ирсэн жил нь түүнд “Чи гурван жил ажиллачихаад “хойшоо” дээд сургуульд явна шүү, бэлтгэлээ сайн хийгээрэй” гэж аминчлан захиж. Яг гурав дахь жил дээр нь Д.Содном гуай Сангийн сайдаар томилогдож. Сайд нэг өдөр Ю.Дашбал гуайг дуудуулж сургуульд явахаа түр азнаж, Сангийн яамны Боловсон хүчний хэлтсийн дарга болохыг санал болгосон байна. Сайдынхаа хэлснийг ч зөвшөөрч, уг албандаа гурван жил ажиллаад 1967 онд ОХУ-ын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг зорьжээ. Гэрийн эзэн “Намайг сургуулиа төгсөөд ирэх үед Ц.Молом гуай Сангийн сайд болчихсон байсан. Миний багш хүн л дээ. Багш маань “Чи Дорнод руу яваад ир. Чамайг би яг гурван жил болоод татна” гэсэн. Дорнод хэлтэс муу ажиллаж байна гэгдэж байсан үе. Очсоны маань дараа жил Дорнод аймгууд дотроос долдугаарт, тэрний дараа жил гуравдугаар байрт орсон. Харин Дорнодоос ирсний дараа Эвлэлийн төв хороонд Лодонгийн Түдэв гуай татаж, тэнд жил хагас тасгийн эрхлэгч хийсэн юм” гэлээ. Түүний хувьд нийгмийн идэвх сайтай нэгэн байж. Сангийн яаманд ажиллаж байх үедээ л Эвлэлийн төв хороонд Шалган байцаах комиссын гишүүн байжээ. Хотын эвлэлд Шалган байцаах комиссынх нь даргаар ч ажилласан байна. Мөн Мэдээлэл, радиогийн хороонд орон тооны бус сурвалжлагчаар ажиллаж, Сангийн яамны систем, хөдөө, гадаа болсон хурал зөвлөгөөн, томоохон тогтоол шийдвэрийн талаар гараар товч мэдээ бэлтгэж өгдөг байжээ.

Ийнхүү явсаар тэрээр анх 1978 онд Ноосны үйлдвэрийн нэгдэлтэй холбогдож, энэ “айлын” хүн болжээ. “Монголросцветмэнт”-д ажиллаж байхад нь Ноосны үйлдвэрийн нэгдлийн дарга С.Бавуусүрэн түүнийг сурагласаар, санхүү эрхэлсэн даргаар томилсон байна. Ю.Дашбал “Юм гэдэг их сонин. Би техникумд байхдаа дандаа үйлдвэрийн талын санхүү, нягтлан, эдийн засгийн холбоотой зүйлс сонирхож цуглуулдаг байсан. Бусад салбарыг нэг их ойшоодоггүй байв. Тиймдээ ч Ноосны үйлдвэрийн нэгдэлд ажиллах тун сонирхолтой байсан. Би тэнд чамгүй юм хийж өгсөн. Хувьдаа тэгж л боддог юм. Товчхондоо цех, үйлдвэр, нэгдэл гурвын хоорондын холбоог нарийн гаргаж ирсэн юм. Цехээс эхлээд аж ахуйн бие даасан байдлыг хангахтай холбогдсон тооцоог гаргасан том ажил байсан юм. Энэ нь улсын хэмжээнд туршлага болж, санхүү эдийн засгийн ажилтны хоёрдугаар зөвлөгөөний төлөөлөгчид ирж судалж байсан удаатай” гэлээ.

Үүний дараа тэрээр Хөнгөн үйлдвэрийн яаманд 1981 оноос 1990 оны эх хүртэл ажиллажээ. Тэрээр яамныхаа Төлөвлөлт, удирдлага, аж ахуйн механизмын хэлтсийн дарга байх үедээ мөн л улсын аж ахуйд нэвтрүүлэх аж ахуй механизмын асуудлыг орлого хуваарилах системээр өөрчлөх чухал санал боловсруулжээ. Түүний энэхүү санал Засгийн газраар дэмжигдэн, хэрэглээнд нэвтэрч маш сайн үр дүн үзүүлсэн байна.Улмаар Ю.Дашбал гуай Хөдөлмөрийн яаманд Өмчийн хэлтсийн даргаар ч томилогджээ. 1990 оны ардчилсан хувьсгал өрнөсөнтэй холбоотойгоор түүний хариуцсан хэлтэс өмч хувьчлалын бэлтгэл ажлыг хийж эхэлсэн байна. Дараа нь Засгийн газраас Өмч хувьчлалын түр комисс байгуулж уг ажлыг зохион байгуулахаар болжээ. Уг түр комиссын даргаар Д.Ганболдыг, нарийн бичгийн даргаар нь Ю.Дашбал гуайг томилсон байна. Ажлын хэсгийн гишүүн, яамны Өмчийн хэлтсийн даргын хувьд тэрээр энэ үед өмч хувьчлалыг купоноор явуулахыг үгүйсгэж, өөрийн саналыг ч дэвшүүлж байжээ. Түүнээс ямар санал дэвшүүлсэн талаар нь асуухад “Би ардчилсан хувьсгалаас өмнө Хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаж байх үедээ аж ахуйн механизм гээч зүйлийг өөрчилсөн юм. Манай улсад олон жил мөрдөгдсөн ашиг хуваарилах аргыг орлого хуваарилах байдал руу оруулсан. Манай ашиг хуваарилах систем аж ахуйн газрын бие даасан байдлыг хангаж чадахгүй, нэг л дэмий байсан. Улс бүх зүйлийг нь хураагаад авчихаар үйлдвэрт юу ч үлдэхгүй байсан хэрэг. Би үүнийг л эргүүлээд тавьчихсан юм. Цалин, орлого бүх зүйлээ үйлдвэр өөрөө хариуцаад гагцхүү улсын төсөвт өгдгөө өгнө, бусдыг нь өөрөө авна гэх санааг гаргаж ирсэн. Үүнийг Беларусь, Украинд туршлага судалж явахдаа олж мэдсэн юм. Энэ туршлагыг яамандаа танилцуулж, Сүрэн сайд ч дэмжсэн. Энэ хүрээнд хийгдсэн нэг ажил нь Говь-Алтайн модны үйлдвэрийг түрээсэлсэн явдал юм. Сүрэн сайд зөвшөөрч, яриад байгаа туршлагаа ажил нь дордсон гээд байгаа Говь-Алтайн модны үйлдвэртээ хэрэгжүүл гэсэн юм. Гурван хоногийн турш нойр хоолгүй сууж байж модны үйлдвэрийг түрээсээр өгөх бүх тооцоог хийж, дүрэм, журам зэргийг бүгдийг нь өөрчилсөн. Аймгийн захиргаатай нь ярьж байгаад хүн бэлдэж даргаар нь тавилаа. Ингээд нэгдүгээр орлогч сайд Говь-Алтайд очиж бүх нөхцөл байдалтай танилцаж, хурал хийн модны үйлдвэрийг түрээслэхээр болсон. Ингэж л үйлдвэрийг түрээсээр өгөх ажлын зохион байгуулж байлаа.Үйлдвэрээр нь түрээсэлсэн Монголын анхны тохиолдол тэр юм. Энэ их зөв зам байсан. Ажил нь тэг байсан бол ёстой гялзалзсан. Хамт олонд нь үйлдвэрийг тэр чигт нь өгчихөөр арга ч байж үү дээ. Ашиг нь нэмэгдэж, хүмүүсийн цалин сайжирсан. Мэдээж улсад өгдгөө өгч байсан. Модны өөдөс хаядаг байсан бол цехүүд хоорондоо булаалддаг болсон шүү. Энэ зүйлийг хийж, нүдээр үзсэн учир өмч хувьчлалыг купоноор тараахыг зөвшөөрөхгүй байсан юм. Миний хувьд өмч хувьчлалыг хийхдээ олон төрлийн арга хэрэглэх нь зөв, дэс дараатай явъя, эхлээд хамт олонд нь түрээсээр өгье, мэргэжлийн хүн нь тэндээ даргаа хийгээд үлдэг, ажилчид нь хэвээрээ байг гэсэн саналыг дэвшүүлсэн. Гэхдээ бидний санал хараахан дэмжигдээгүй. Яахав, УИХ-ын тогтоол олон төрөл гэж гарсан л даа. Гэхдээ ерөнхийдөө купоноор хувьчилхыг заасан” гэлээ. Мөн тэрээр “Угтаа одоогийн ашиг, орлого хуваарилдаг Монголын систем яг миний ярьж байсанчлан явж байгаа шүү дээ. Миний ярьж байсан бүр тэр чигээрээ явж байгаа. Улс авдгаа авчихаад бусдыг нь үйлдвэр мэддэг болсон” гэв. Түүний ажил хөдөлмөрийн талаар сонсож суухад очсон газар бүртээ л шинийг, зөвийг санаачилж, тэр бүр нь эерэгээр үр дүнгээ өгч байсныг харж болохоор байгаа юм. Үүнийг нь ч мэддэг дарга нар албандаа авахыг хүсэж, эрэл сурал болдог байсан биз ээ. Аливаад чин сэтгэлээ зориулж, тэр бүрийнхээ үр дүнг үзэж, сайн мөртэй, бусдад түшигтэй амьдарна гэдэг магад амьдралын утга учир гэлтэй.

Тэрээр гавьяаныхаа амралтад гарснаасаа хойш мөн л зүгээр суугаагүй байна. Ижил дасал болсон Хөнгөн аж үйлдвэрийн салбарын түүхийг 70, 80 жилийн ойгоор нь бичиж, гурван ч ном гаргажээ. Ноосны салбарын талаар ч мөн бичжээ. Энэхүү номныхоо талаар тэрээр “Манай улсад бэлчээрийн даацаараа 46 сая мал л байх боломжтой юм. Газар нутгийн шим тэжээл дээшилнэ гэж байхгүй учир 46 саяас илүү мал байх боломжгүй. Би 46 сая малаараа тооцож, нэхмэлийн үйлдвэрүүдийг хаана байх нь зохистой талаар судалж, энэ номондоо бичсэн. Гадныхан өөрт таалагдсан нэг зүйлээ олон мянган ширхэгээр авна гэж гэрээ хийдэг. Гэтэл манайх тэр хэмжээнд хүргэж хийж чаддаггүй. Энд тэнд байгаа салангад хэдэн үйлдвэрүүд тэр хэмжээнд хүрч ажиллаж чаддаггүй юм. Тиймээс нэхмэлийн эцсийн бүтээгдэхүүн хийх үйлдвэр Монголд дөрвөн бүсэд л байх нь зүйтэй гэж үзсэн. Түүний жижиг үйлдвэрүүд нь аймаг бүрт байх ёстой. Жишээ нь, баруун бүсэд таван аймаг бий. Үүнээс эцсийн бүтээгдэхүүн гаргах нэг үйлдвэр нь Ховд аймагт байж болно. Эцсийн бүтээгдэхүүн болгож ээрэх, нэхэх, сүлжэхийг төв үйлдвэр дээрээ хийнэ. Харин ноос угаах, хялгас ялгах, барилгын дулаалгын материал хийх үйлдвэр аймаг бүрт хийж болно. Энэ нь анхан шатны боловсруулалт юм. Үйлдвэрүүдэд байх тоног төхөөрөмж, ажиллах хүчний тоог ч гаргаж ирсэн. Дэлхийн зах зээлийг ч зургаан бүсэд хувааж авч үзсэн. Манай нэхмэлийн үйлдвэрт үүнээс өөрөөр явах арга зам байхгүй. Би үүнийг баталгаатай хэлж чадна. Энэ тооцоо судалгаа бүхий номоо би 2013 онд гаргаж, яамдын үе үеийн удирдлагуудад танилцуулсан. Гэхдээ хэн нь ч зориглож авч хэрэгжүүлээгүй” гэлээ. Тэрээр зөвхөн хөнгөн аж үйлдвэрийн салбарын номнууд бичээд зогсохгүй роман, морины тухай дууль зэргийг бичжээ. Одоо тун удахгүй дахин нэг бүтээлээ хэвлүүлэхээр зэхэж суугаа гэдгээ ч хэлж байлаа.

Биднийг ийн ярилцах зуур гэрийн эзэгтэй зээ охинтойгоо хажуу өрөөндөө гангар, гунгар хийж, хаа нэг инээд алдах нь сонсогдох аж. Түүний гэргийг Н.Сонин гэдэг аж. Тэрбээр “Гэргий маань Дорнодын хүн. Хуульч мэргэжилтэй. Хуулийн мэргэжлээр сурч төгсөөд Хотын шүүхэд нарийн бичгийн дарга, Дорнод аймгийн гүйцэтгэх захиргаанд ажилласан. Үйлдвэрүүдийн боловсон хүчний хэлтсийн эрхлэгч, Говь комбинатын хуулийн зөвлөхөөр ч олон жил ажиллаж байлаа” хэмээн гэрийн эзэн ярьсан юм. Гэрийн эзэгтэйгээс хүүхдүүдийнх нь талаар асуухад “Бид хоёр таван охинтой. Мөн зээ охин олонтой. Бид хоёр их өнөр олуулаа болсон. Бараг 30-уулаа болж байна. Охид маань эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй. Бүгд л төр захиргааны байгууллагад ажиллаж байна. Хүргэчүүл маань ч мөн ялгаагүй эдийн засгийн чигийн хүмүүс. Хуулийн ч хүн мөн бий дээ” хэмээн намуухан хариулав. Ю.Дашбал гуай 2014 онд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан гэх эрхэм цолыг хүртжээ. Үүгээр ч зогсохгүй Хөдөлмөрийн гавьяаны улаан туг болон Алтан гадас, Тусгаар тогтнолын одонтой аж. Гэрийн эзэгтэй “Залуугаасаа авсан одон медалиудыг нь нийлүүлбэл чамгүй их юм болно. Ёстой л энгэрээр нь дүүрэн болчихдог доо” гэж байлаа.

Гэрийн эзний ном товхимлууд дотроос өдрийн тэмдэглэлийн цуглуулга нь аргагүй сонирхол татав. Ю.Дашбал гуай тэтгэвэрт гарснаасаа хойш тэмдэглэлийн дэвтэр хөтөлжээ. Харвал ихэд нямбайлан бичсэн сонин содон мэдээлэл, сургаал үгс, элдэв мэдээ, баримттай, өдрийн тэмдэглэлийн хэв загвараас тэс өөр байх аж. Тэрээр тухайн өдөрт сонссон дуулсан хамгийн бодитой мэдээллүүдээ тэмдэглэлдээ бичиж үлдээдэг юм байна. Нэг ёсондоо олж авсан мэдлэгээ дахин бататгахын тулд баримтжуулж үлдээжээ. Эргээд нэг сэдвийн талаар мэдээлэл хэрэгтэй болоход өнөөх дэвтрүүдээсээ шүүж түвэггүй олдог гэнэ. “Би хүүхдүүддээ ингэж тэмдэглэлийн дэвтэр хөтлөхийг үргэлж сануулдаг юм. Ингээд бичсэн байхад хэнээс ч дутахааргүй мэдлэгтэй болсон байна шүү. Хэвлэл дээр гарсан нэг мэдээлэл мөддөө дахин давтагддаггүй болохыг ч тэмдэглэл хөтөлснөөр анзаарсан. Оросын зарим хэвлэлүүд дээр 10 жил болоод давтагддаг юм билээ” хэмээн тэрээр хэлж байв. Тэрээр ярианыхаа төгсгөлд нь аж үйлдвэрийн салбарынхаа талаар “Аж үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд манай орны хувьд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийг түлхүү хөгжүүлэх асуудал их чухал. Уул уурхайтай эн зэрэгцэх асуудал гэж би хардаг. Цаашид хэн нь ч төр засгийг толгойлж байсан үүнийг онцлон анхаарч, бодож байх учиртай юм. Энэ удаагийн УИХ жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх асуудалд онцгой анхаарсан гэж би харж байгаа. Алдаа мадаг гаргаж, сангийн мөнгийг зүй зохигүй зарцуулсныг үгүйсгэхгүй, гэхдээ цаашдаа засаад явах байлгүй. Ямартаа ч Ж.Ганбаатар гишүүн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих хуулийг санаачилж ажилласанд баяртай байна” гэж байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Өнөрбаяр: УИХ нь Үндсэн хуулиа нулимбал ганц би ч биш, олон арван хуульчид Цэцэд хандана

Хуульч Ч.Өнөрбаяр өчигдөр “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийнхээ үеэр “Засгийн газар огцрох эрх зүйн үндэслэл нэгэнт бий болсон. Энэ үндэслэл нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд бий. Үндсэн хуулийн энэ хийдлийг Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар хүлээн зөвшөөрч эхэлсэн. Тодруулбал, шинэ Үндсэн хуульд Засгийн газартай холбоотой заалтыг ирэх тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. Гэтэл тэд УИХ болон Засгийн газрынхаа хуулийн шинэчилсэн найруулгыг долдугаар сарын 1-нээс мөрдөнө гэж заль хэрэглэх гэж байна” гэсэн юм. Мэдээллийн дараа түүнтэй ярилцлаа.


-Та энэ асуудлыг хэдийнээс хөндөж эхлэв. Эрх баригчдын хувьд хуулийн хайчинд орно гэдгээ анзаараагүй байсан хэрэг үү?

-Үндсэн хууль судлаачийн хувьд би энэ асуудлаар эртнээс дуугарч эхэлсэн. Нэгдүгээр сарын 13-нд Үндсэн хуулиар илтгэл тавьж байхдаа ч зарим асуудлыг хөндөж байсан. Тун удахгүй хаврын чуулган эхэлнэ. Энэ асуудлыг сануулж хэлэхгүй бол болохгүй нөхцөл байдал үүсчихлээ. Чуулганы хуралдаан эхэлмэгц Ерөнхий сайд нэг гэрийн даалгавар шалгуулах ёстой. Тэрээр нэгдүгээр сарын 9-ний өдөр баталсан Улсын Их хурлын тогтоолын дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн барих ажлыг зохион байгуулах ёстой. Энэ гэрийн даалгаврыг Ерөнхий сайд шалгуулах учиртай юм. Түүнийг нь УИХ нэн дариу хэлэлцэж, Үндсэн хуульд нийцүүлэх арга хэмжээг авах ёстой. Ингээд тавдугаар сарын 25-ны дотор Засгийн газар Үндсэн хуульд бүх хуулиа нийцүүлээд, шинэ Засгийн газар Үндсэн хуулийн дагуу ажиллана. Ингэж байж Монгол Улс зөв зарчмаар явна. Үндсэн хуулийн үзэл санаа үндсэн утгаараа хэрэгжиж эхэлнэ.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Засгийн газар огцрох нөхцөл үүсэхгүй гэх байр суурийг илэрхийлсэн байсан.

-Засгийн газрын тухай хуулиа өөрчилж, түүний дагаж мөрдөх хугацааг долдугаар сарын 1-н гээд заачих юм бол одоогийн Засгийн газар огцрохгүй гээд байгаа юм. Уучлаарай, тийм зүйл байхгүй. Үндсэн хууль дээр миний яриад байгаа зүйлүүдийг тавдугаар сарын 25-наас мөрдөнө гээд тов тодорхой биччихсэн байна шүү дээ.

-Зарим хуульчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орсон Засгийн газартай холбоотой заалтыг долдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөнө гэж тайлбарлаж байна л даа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль нь дагаж гарах хуулиудыг Үндсэн хуульд нийцүүлэх тухай ойлголт. Засгийн газар байгуулагдах асуудал Үндсэн хуульд өөр дээр нь байдаг юм шүү дээ. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэдэг нь Үндсэн хуулийн байгууллага. Энэ нь Ашигт малтмалын газар, бусад яам, агентлаг биш. Ерөнхийлөгчөө ард түмнээс сонгоно гээд Үндсэн хууль дээр заачихсан байгаа биз дээ. УИХ-ын гишүүдийг ард түмэн сонгоно гэж мөн л Үндсэн хуульд бий. Түүнтэй адил Монгол Улсын Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ, түүний дөрвөөс доошгүй нь УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэж болно, Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар өөрөө томилж чөлөөлнө гээд Үндсэн хууль дээр заачихсан. Энэ нь Засгийн газрын тухай хуульд байгаа юм биш.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд бусад хуулийг нийцүүлэх гээд байгаа болохоос биш Үндсэн хууль дээр бичигдсэн зүйлд хамаагүй. Үндсэн хууль дээр бичсэн заалтуудыг тавдугаар сарын 25-ны өдрөөс мөрдөнө. Анхнаасаа л эрх баригчид энэ өдрийг сонгох ёсгүй байсан юм. Тэд зурхай харж сонгосон шүү дээ. Төрийн ажлыг зурхай харж хийдэг юм уу. Яагаад Үндсэн хуулийн хайчинд Засгийн газар орчих тухай урьдчилж харсангүй вэ.

Нэг зүйлийг онцлоход, Үндсэн хуулийн дэд ажлын хэсэгт ажилласан манай Их сургуулийн судлаачдын тархийг эрх баригчид хангалттай ашигласан. Тэд маш их мэргэжлийн арга зүйн туслалцаа үзүүлсэн. Одоо тэр хүмүүсийг улс төрийн бороохой болгох хэрэггүй. Тэр хүмүүс хийдгээ хийсэн. Улсын Их хурлын Тамгын газрын албан хаагчид ч өдөр, шөнөгүй зүтгэсэн. Тэд ч буруугүй. Эцсийн шийдвэрийг гаргасан хүмүүс нь улстөрчид, дарга нар шүү дээ. Тийм байж асуудал гармагц хаяж алга болон, нэг судлаачийг турхирч, Тамгын газар луугаа бурууг чихдэг байж болохгүй л дээ. Би үүнтэй хэзээ ч санал нийлэхгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийчихлээ гэж баярлан бал сараа тэмдэглэж, найр хийгээд байсан УИХ-ын дарга энэ асуудлыг яагаад ярихгүй байгаа юм. Одоо Ерөнхий сайд хэн байхаас үл шалтгаалж Үндсэн хуулийг хууль номын дагуу хэрэгжүүлэх асуудлыг нэхэх хэрэгтэй байна.

-Таны хэлсэнчлэн Үндсэн хууль хэрэгжээд эхэлбэл одоогийн Засгийн газарт нэлээдгүй өөрчлөлт орж таарна байх, тийм үү?

-Ганц зүйлийг онцлоход одоо Засгийн газраа байгуулаад Үндсэн хуульд нийцүүлэх хангалттай хугацаа бий. Эрх баригчид УИХ-д 63 гишүүнтэй. 39-өөс дээш гишүүнтэйгээр л Засгийн газраа байгуулах боломжтой шүү дээ. Тэд Засгийн газраа хангалттай байгуулж чадна. Айгаад байх зүйл огт байхгүй. Ингэснээр хамгийн гол нь зөв жишиг тогтоно. Одоо бид Үндсэн хуулийнхаа дээгүүр давж алхаж, буруу жишиг тогтоовол ирээдүйд хэн нэгэн эрхтэн дархтан гарч ирээд дураараа авирлаж, нулимаад байвал яах юм. Түүний төлөөсийг хэн төлөх юм. Монгол Улс хувь заяагаараа төлөх хэрэг үү. Монгол Улсын ардчилал, тусгаар тогтнолын баталгаа бол ардчилсан Үндсэн хууль юм. Үндсэн хуулийг дээдлэх гэж төр засаг байдаг юм.

Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёрт “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалт бий. Б.Чимид багш ч үүнийг ярьдаг байсан. Тэрээр “Үндсэн хуулийг өдөр тутам сахиулж хамгаалах үүрэг УИХ-д бий. Зөрчигдсөн тохиолдолд түүнийг сэргээн тогтоож хамгаалах үүрэг нь Үндсэн хуулийн Цэцэд байдаг юм” гэж хэлсэн байдаг.

-Энэ асуудал даамжирвал та Цэцэд хандах уу?

-Хэрвээ энэ асуудлыг УИХ авч хэлэлцэхгүй, Үндсэн хуулиа нулимж, дээдлэхгүй байх юм бол ганц би ч биш, олон арван хуульчид Цэцэд хандана байх гэж бодож байна. Дээрээс нь энэ асуудал Монголын түүхэнд үлдэнэ. Албан тушаал мөнх биш ч энэ хийсэн үйлдэл тань 40, 50 жил яригдана. Би Монгол төрийн санах ойд, түүхэнд зөв жишиг үлдээсэй л гэж хүсч байна. Гаргаж буй шийдвэр, хэлж буй үгээрээ, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээрээ, батлуулах гэж байгаа хуулиараа яагаад зөвийг үлгэрлэж болдоггүй юм бэ. Бид улс төрийн ууган хүчин, сайныг үлгэрлэдэг гэж эрх баригчид ярьдаг. Тэгвэл түүнийгээ харуул л даа. Үг үйлдэл нийцэх ёстой биз дээ.

-Та Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байсан. Энэ цаг үед түүнийг Монголын дайсан байсан мэтээр ярьж байна л даа. Та юу хэлэх вэ?

-Тэр хүнд өөрийн гэсэн үнэт зүйл зарчим бий. Тэр хүнд Монголоо гэсэн сэтгэл байдаг. Түүнийг нь би хамтарч ажиллаж байх үедээ олон зүйл дээр харсан. Би тэр талаас нь л хардаг. Бид хоёрыг ойлголцуулдаг цэг бол үнэт зүйл, зарчим. Монголын ардчиллыг авч явах зарчим, энэ улсыг хуулиар дамжуулж засаглах тухай ойлголт зэрэг дээр итгэл үнэмшилтэй хандсан учраас би тэр хүнтэй хамтарч ажилласан гэж боддог. Тэр хүн ч гэсэн намайг тийм итгэл үнэмшилтэй учраас зөвлөхөөрөө авч ажиллуулсан байх. Яахав үүл, сүүдэр хэзээ нэг өдөр арилна. Уул том байх тусам сүүдэр нь төдий чинээ том байдаг юм. Их ажил хийсэн хүн учраас сүүдэр нь том байгаа юм. Хүмүүс сүүдрийг нь харж байж болно. Алс хэтдээ уулын оройг харах үе ирдэг юм л даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өвчин даамжраад байвал гадаадад байгаа 190 мянган иргэнээ татаж л таарах байх даа

Сүүлийн жилүүдэд монголчууд гадны орныг зорьж ажил хөдөлмөр эрхэлдэг болсон. Бүхэл бүтэн нэг аймгийн хүн амтай тэнцэх иргэд гадаадад оршин сууж байна. Гадаад харилцааны яамны судалснаар дэлхийн 80 гаруй улс оронд 190 орчим мянган монгол иргэн сурч, ажиллаж байна. Ажиллаж, сурч байгаагаас үл шалтгаалан тэд ажлыг гололгүй хийж, эх орондоо байх ижий, аав, элгэн саднаа тэжээдэг.

Харамсалтай нь энэ цаг үед коронавирус гэх цар тахал гарлаа. Дэлхийн дийлэнх улс оронд тархаад буй энэхүү цар тахал цагаачлан амьдардаг монголчуудад тун хүндээр тусч байна. Гол шалтгаан нь тухайн орнуудад хатуу хөл хорио тогтоож, гадны битгий хэл дотоодын иргэд нь цалин, орлогогүй болж байгаа юм. Сургуулиуд хаагдсанаас болж оюутнууд тэтгэлэггүй, цагийн ажил хомсдсоноос болж хэрэглээнийхээ мөнгийг ч олж чадахгүйд хүрчээ. Цалин мөнгөгүй болсон ч төлдөг төлбөрүүд нь хэвээр байгаа учир хүндрэлүүд үүсч эхэлсэн нь мэдээж. Өртөг өндөртэй хотуудад амьдарч байгаа хүн ямар ч орлогогүй бол орон байр, идэж уух хоол хүнсээ зохицуулна гэдэг тун бэрх. Гудамжинд гарсантай ямар ч ялгаагүй гэчихэд хилсдэхгүй. Дээрээс нь цар тахал тусах аюул алхам тутамд нь отож байгааг хэлэх үү. Ийм л хүнд үед тэд эх орноо гэхээс өөр яах билээ.

Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гарч тусгай үүргийн онгоцоор эхнээс нь зөөж л байна. Энэ өвчин даамжирсаар байвал иргэдээ татаж л таарах байх. Авчирлаа гэхэд байр сав, хоол хүнснээс эхлээд хүндрэл үүсэх шинжтэй байна. Хөл хорионд байлгах хугацааг 21 хоног болгож сунгачихсан байдаг. Халдвартай иргэн ирсэн бол эмч, сувилагчдын хүрэлцээ юу болох вэ гээд асуудлууд ургаж таарна.

Гэхдээ бидэнд нэг давуу тал бий. Бидэнд гэр байгаа. Бид гаднаас ирсэн монголчуудаа жижиг дөрвөн ханатай гэр бариад хөдөө хээр тусгаарлачихаж болно. Тэднийг хотоос зайдуу Төв аймгийн шинэ нисэхийн урд талын хөндийд буулгачихъя. Урин цаг наашилсан энэ үед үүн шиг амархан зүйл үгүй. Хамгийн гол нь зардал багатай. Таван гэрийн дунд нэг ахлагч гаргаж, худаг ус нь ойр, 00-ийн асуудлыг байгальд хоргүй байдлаар шийдэж, ариутгаад байхад тийм ч хэцүү биш. Юм хөгжсөн энэ үед гэрүүд рүү худгаас ус татчихаж болно. Хэдэн гэрийн дунд палатка босгоод шүршүүр хийчихэд болохгүй гэх зүйлгүй. Хөл хорионд орсон иргэдийн гэрээс хоол хүнсний тодорхой хэсгийг нь авчруулж, эдийн засагтаа дэм болох ч боломжтой.

Палатка босгосон ч болно л доо. Гэхдээ хамгийн зөв сонголт жижиг дөрвөн ханатай гэр. Манайхан гэрийг төрөл, төрлөөр нь үйлдвэрлэдэг. Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчдийгээ уриалаад, хамтраад арай хямд төсөр үнээр дөрвөн ханатууд худалдаж авч болж байна. Дэм дэмэндээ гэдэг хойно энэ хэцүү цаг үед үндэсний үйлдвэрлэгчид ч үнэрхээд байхгүй биз. Айлуудаас гэр түрээсэлсэн ч болж байна. Буцаагаад өгөхдөө ариутгаад цэвэрлээд л өгнө биз. Амралтын газар, дэн буудлын үнэ ханшнаас наана тусна уу гэхээс илүү гарахгүй нь лавтай. Гадаадаас ирж байгаа хүмүүсээс байр савны үнэ хөлс гээд бараг сая төгрөг хурааж авч байгаа. Жижиг дөрвөн ханатай гэр бараг сая төгрөг шүү дээ. Нэг хүнд нэг гэр бариад өгсөн ч болохоор харагдаж байгаа биз дээ.

Ингээд ирсэн иргэдээ 10, 10 мянгаар нь байрлуулаад хуаран босгочихож болно. Ийм маягаар зардал чирэгдэл ч багатайгаар хүмүүсээ байрлуулах байр сууцаа шийдчих боломжтой харагдаад байх юм. Мэдээж гэр хоорондын зай талбай, ариутгал, хөл хорионы дэгийг сахих зэрэгт тус тусын байгууллагууд нь гойд анхаарах нь чухал.

Ийм л Монгол ахуйдаа ойртуулсан, монголчууд л мэддэг, зөвхөн тэд л тэсэж чадах, хямд төсөр хөл хорионы хуаран байгуулмаар байна. Хүний нутагт эх орноо царайчилж суугаа олон мянган монголчуудаа авчрахдаа ингэж боломж нөөцөө ашиглаж, ухаан сүвэгчилж тусгаарламаар байна. Өөр бид яах ч билээ.

Бид нүүдэлчин ард түмэн. Гэрт амьдрана гэдэг бидэнд шинэ содон зүйл биш. 100 хүрэхгүй жилийн өмнө л бид дээр, дооргүй таван ханатдаа тухалж байсан шүү дээ. Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа хүмүүсийн нас дийлэнхдээ 30-40-ийн хооронд хэлбэлзэх биз. Тэдний ихэнх нь гэрт амьдарч үзсэн л байж таараа. Ер нь ч тэгээд хүний нутгийн их хотын завгүй амьдралд нухлуулж, борви бохис хийх чөлөөгүй амьдарч байсан тэдэнд тооноор хөх тэнгэрээ тольдож, амар амгаланг мэдэрч суух шиг жаргал хаана байх вэ.

Яахав, гэрт амьдарч үзээгүй залуу үеийн төлөөллүүдэд 00, шүршүүрээс эхлээд таалагдахгүй зүйлс гарч ирэх л биз. Гэлээ ч ахмад үеэ дагаад сурч, дасаж л таарна. Ямар насан туршдаа хөдөө хээр дөрвөн ханатад амьдруулах гэж байгаа биш. Амьд гарахын төлөө бол 20 хоногт энэ байтугайг л тэвчинэ шүү дээ, таминь ээ. Хэн ч амьдардаггүй шинэ нисэх маань байна, хэдэн цагаач монголчуудаа байтугай дэлхийн бүх хүнийг байрлуулчихаж болохоор том тал нутаг ч бидэнд байна. Хэдэн мянган жил амьдарч ирсэн гэр сууц маань бэлэн байна. Унааны асуудал хүнд бол тухайн нутгийн онгоцыг хөлслөөд ч болтугай хүмүүсээ зөөгөөд ирэх боломж бидэнд бий.

Иймэрхүү байдлаар энэ нүсэр ажлыг зохион байгуулбал зардал чирэгдэл, аюулгүй байдал зэргийг хямд төсөр байдлаар давж гарч болох мэт санагдах юм. Эрх баригчид үүнийг тунгааж үзэх буй за.

Categories
мэдээ цаг-үе

Д.Золжаргал: Орон нутагт байшин барих уу, ажлын байраа хадгалах уу гэдгээ шийдвэрлэх цаг болсон

УИХ дахь АН-ын зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Золжаргалтай ярилцлаа.


-Дэлхий нийтээрээ онцгой нөхцөл байдалд байгаа энэ үед бизнес эрхлэгчид тэр дундаа ЖДҮ эрхлэгчид хүндрэлтэй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын зөвлөлөөс ямар арга шийдэл байгаа хэмээн харж байна вэ?

-Дэлхий нийтээр тархаад байгаа “Covid-19” короновирусийг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага цар тахал хэмээн зарласан. Үүнтэй холбогдуулж дэлхийн улс орнуудын удирдагчид энэ үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эдийн засгаа аврах төлөвлөгөөгөө аль эрт танилцуулсан. Гэтэл манай орны хувьд энэ тал дээр огт арга хэмжээ авч ажиллахгүй байна. Дотооддоо хөл хорио тогтоож байгаа ч гаднаас ирэх хөдөлгөөн, вирус тархсан улс орноос ирж байгаа урсгалаа хянаж чадахгүй байна. Дотоодын бизнес эрхлэгчдээ хамгаалсан бодлого огт явуулахгүй байна. Энэ тухай АН-ын зөвлөл өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд буюу бараг нэг сарын өмнө Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл бидэнд хариу ирүүлээгүй байна. Мөн УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд хуулийн төсөл санаачилж хүргүүлсэн боловч авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ огт алга байна.

Япон улсаар жишээ татахад зөвхөн ЖДҮ эрхлэгч нартаа зориулсан хугацаагүй, хүүгүй зүйлийг олгож эхэлсэн. АНУ-ын хувьд эдийн засгийг дэмжих 1.2 их наяд ам.долларын дүнтэй багц хөтөлбөр хэрэгжүүлэхээр хэлэлцэж байна. Мөн жижиг, дунд үйлдвэрлэгчдэдээ 50 гаруй тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ ч амласан. Энэ мэтчилэн Улс орнууд эдийн засгаа дэмжихийн тулд мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж, хэрэглэгчдийн болон бизнесийн идэвхи буурахаас сэргийлж төв банкууд нь бодлогын хүүгээ бууруулж, үнийн тогтвортой байдлыг хамгаалах, хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, санхүүгийн нөхцөл байдлыг дэмжих, санхүүжилт татрахаас сэргийлэх зорилготой бодит арга хэмжээнүүдийг авч эхэлсэн.

Ийнхүү дэлхийн улс орнууд энэхүү онцгой үе ойрын 3-5 сарын турш үргэлжилнэ гэсэн таамагтайгаар эдийн засгийн багц арга хэмжээнүүдийг авч байна. Багц арга хэмжээ гэдэгт иргэдийнхээ эрүүл мэндийн аюулгүй байдал, бизнесийг дэмжих, иргэдийнхээ амьжиргааг дэмжих гэсэн гурван асуудал багтаж байгаа.

-Өнгөрсөн сард хүргүүлсэн шаардлагын хариу огт ирээгүй байна гэлээ. Шаардлагад юуг тусгасан бэ?

-Бид УИХ-ын дарга Г.Занданшатарт Эдийн засгийн байнгын хороог хуралдуулах асуудлаар санал хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал хүргүүлж, үүсэж болзошгүй эрсдэлийг хохирол багатай даван туулахад бэлэн байх үүднээс тодорхой шаардлагуудыг дурьдсан. Эрсдэлээс хамгаалах зорилгоор Монгол Улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд ард иргэдийнхээ хүнсний хангамжийг тасалдуулахгүй байх, Үндэсний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг эрсдэлээс хамгаалах, тэдний түрээс, дулаан, цахилгааны төлбөр зэрэг урсгал зардлын талаар зохицуулалт хийж, ажлын байрыг нь хадгалж үлдэх нь тулгамдсан асуудлуудын нэг болж байгаа тухай шаардлага бичиг хүргүүлсэн.

-Сангийн сайд төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэж мэдэгдэл хийсэн. Энэ талаар?

-Төсвийн тодотгол хийхээс өөр шийдэл байхгүй. Өнгөрсөн хугацаанд Монгол банк болон Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлуудаас хоёр шийдвэр гаргасан. Хэрэглээний зээлийн төлбөрийн хугацааг сунгасан. Бодлогын хүү бууруулж, банкуудад тавих шаардлагуудыг сулруулсанаар, зээл нэмж гарах боломж бүрдүүлсэн. Гэвч цар тахлын аюулыг зөвхөн мөнгөний бодлогод найдах боломжгүй. Төсвийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Мөнгөний бодлого хөгжилтэй орнуудад чухал үүрэгтэй нь үнэн. Харин манай эдийн засгийн бүтэц тэднээс тэс өөр.

Гурван сая иргэнтэй манай улсын зах зээл бага, түүхий эд экспортолдог, экспортын 90 хувь нь нэг улсаас хараат, аж үйлдвэрлэл хөгжөөгүй, гаргах бүтээгдэхүүн аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн биш, түүхий эд юм. Монголбанкны мөнгөний бодлогоор дэмжсэн гэх мөнгө экспортоор дамжиж импорт болж орж ирнэ. Мөнгөний бодлого бизнесийг дэмжихэд чухал нөлөөтэй, харин ажлын байр хадгалах, айл өрхийн амьжиргааг дэмжихэд төсвийн бодлого зайлшгүй хэрэгтэй байдаг. Тиймээс энэ асуудлыг зөвхөн Засгийн газар шийдэж чадна. Төсвөөс батлагдаагүй хөрөнгө гаргах боломжгүй учраас төсвөө яаралтай тодотгох шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутагт байшин барих нь чухал уу, эсвэл ажлын байраа хадгалах, өрхийн амьжиргаагаа хамгаалах нь чухал уу гэдгээ яаралтай шийдвэрлэх цаг болсон.Дэлхий нийтэд эдийн засгийн 50 хувийг болон нийт ажлын байрны мөн 50 хувийг ЖДҮ эрхлэгчид бүрдүүлдэг. Бид үүнийг хуулийн төсөлдөө голчлон анхаарч, ажлын байраа хадгалж үлдэх ёстойг анхааруулаад байгаа юм.

-Өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар товч мэдээлэл өгөөч. Хуулийн төсөлд төсвөөс хасаж хэмнэсэн эх үүсвэрийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд шилжүүлэх тухай дурдсан байсан.

-Ардчилсан намын зөвлөлийн гишүүд хуралдаад хуулийн тодорхой төслийг санаачлах нь зүйтэй гэж үзсэн. Хуулийн төсөлд өндөр хүүтэй зээлтэй иргэн, ААН-ийн зээлийг гурван хувьд шилжүүлэх тухай заасан байгаа. Уг тогтоолын төслөөр “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн хоёрдугаар хавсралтад заасан, 2020 оноос 2021, 2022 оныг дамжин хэрэгжих 1,436,877.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 383 барилга, арга хэмжээг хасаж хэмнэсэн 355,065.1 сая төгрөгийн эх үүсвэрийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд шилжүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, 100 сая төгрөг хүртэл зээл олгох, зээлийг Төрийн банкаар дамжуулан олгох, арилжааны банкны өндөр хүүтэй зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн зээлийг банк хоорондын тооцоогоор бага хүүтэй зээлд шилжүүлэх” зэрэг арга хэмжээг авч, хэрэгжүүлэх хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийн гол үзэл баримтлал нь ЖДҮ-үүдийн ажлын байрыг хамгаалахад оршино.

Өнөөдөр бидэнд тодорхой шийдэл зайлшгүй хэрэгтэй. Цар тахлын хэмжээнд хүрээд буй энэ өвчлөл нь Монгол Улсын төдийгүй Дэлхийн бусад улс орнуудын Эдийн засагт маш эрсдэл учруулж байгаа гэдгийг бид урьдчилан тооцоолж, зөвхөн иргэддээ хөл хорио тогтоох, хөдөлгөөн хязгаарлах төдийхнөөр асуудал шийдэгдэнэ гэж бодож болохгүй. Бидний амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Үргэлжлэх тусам ард иргэдийн орлого багасч, эдийн засгийн маш том эрсдэл рүү түлхэж байна.

-Тэгвэл дээрх шаардлага болоод, хуулийн төсөлд тодорхой хариу ирүүлээгүй учраас дахин шаардлага бичиг хүргүүлж байгаа тухай мэдээлэл хийсэн. Тус шаардлага бичигт юуг голчлон заасан байгаа вэ?

-Тийм ээ. Бид санал, шаардлага хүргүүлэх албан тоот удаа дараа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Тиймээс бид “Айл өрх, иргэдийн орлогыг хамгаалах тухай” дахин шаардах бичиг хүргүүлсэн. Монгол Улсын хувьд хүн амын гуравны нэгийг хамарсан ядууралд нэрвэгдэж ажилгүйдлийн түвшин 10 хувьд хүрсэн төдийгүй цаашид цар тахалтай холбоотой энэ статистик үзүүлэлт улам нэмэгдэх нөхцөл байдал үүслээ. 1.1 сая ажиллах хүчин, жирийн иргэдийн орлого болон худалдаа үйлчилгээний салбарын жижиг дунд бизнесийг хамгаалахад Улсын Их Хурал, Засгийн газар яаралтай шийдэл гаргах шаардлагатайг сануулсан. Бичигт, 2020 оны төсвийг тодотгож, хамгийн багадаа нэг их наяд төгрөгийн “Эрсдэлийн сан” байгуулах, иргэдэд төрөөс олгох тэтгэвэр тэтгэмжийг хадгалах, компани, хувийн хэвшилд ажиллаж буй иргэдийн орлого, цалингийн хэмжээг бууруулахгүй байх арга хэмжээг авах, өргөн хэрэглээний импортын барааны татварыг чөлөөлөх, үдэсний дотоодын үйлдвэрлэгчдээ бага хүүтэй зээлээр дэмжих, томоохон компаниудын бага хүүтэй өрийн бичгийг Монголбанк худалдаж авах боломжийг нээх, экспортыг дэмжих зэрэг арга хэмжээ авах зэргийг тусгасан байгаа.

Иймд Засгийн газар 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь тодорхойлж, шаардлагагүй хөрөнгө оруулалтын зардлыг царцааж, цар тахлын онцгой үед тохирсон шийдвэр гаргахыг шаардаад байгаа юм.

-Өргөн хэрэглээний импортын барааны татварыг чөлөөлөх гэдэг асуудлыг хөндсөн байна. Чөлөөлөөд эхлэхээр төсөв тасалдах эрсдэл үүсэх үү. Үүн дээр хэрхэн зохицуулалт хийх боломжтой вэ?

-Төсвийн тодотгол дээр импортын албан татварын орлогын хэсгийг хасах шаардлагатай. Өргөн хэрэглээний бараа нь бид бүхний өдөр тутмын хэрэглээ. Үүнийг засгийн газар боловсруулаад, УИХ-д саналаа оруулж ирээд, төсвийн тодотголоор хасалтаа хийгээд явъя гэсэн саналаар л энэ шийдэгдэнэ. Хэрвээ бид нар барааны хомсдолд орох юм бол Үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжиж, зөв ажиллах ёстой. Үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалт өсч байж бид нар дотооддоо амьдралын эх үүсвэрээ хангаж явна. Гэхдээ бид импортын 90 хувь хараат байдаг. Тиймээс импорт зайлшгүй орж ирэх шаардлагатай. Гэхдээ хамгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр дотоодын боломжинд чиглэн шийдэл гаргахад болохгүй зүйл байхгүй. Нэмж хэлэхэд, Импортын тодорхой бараа бүтээгдэхүүн дээр үнийн хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх асуудлыг тооцохдоо өнөөдөр төсөв дээр танаж болох маш олон зардлууд бий. Түүнд тодотгол хийж, шилжүүлээд импортын зардал зэрэг бусад зардлуудыг тооцох замаар төсвийг алдагдалгүй авч явах бүрэн боломжтой.

-Хамгийн багадаа нэг их наяд төгрөгийн “Эрсдэлийн сан” байгуулах гэсэн байна. Энэ санг ямар эх үүсвэрээс босгох боломжтой гэж тооцож байгаа вэ?

-Нэг их наядын эрсдэлийн сан байгуулахад төсөв өөрөө боломжтой. Эндээс зөвхөн 2020 оны хөрөнгө оруулалт 3.6 их наяд. Урсгал зардал буюу бараа үйлчилгээний зардал нь 2.1 их наяд. Зөвхөн эдгээр зардлаас 50 хувь хэмнэхэд 2.5 их наяд төгрөгийн төсөв хэмнэх боломжтой байна. Ер нь сангийн сайдыг төсвийн тодотгол хийхгүй гээд байгаа нь их буруу. Өнөө маргааш сонгууль болно гээд байгаа нөөцөөрөө явж байгаа нь буруу. Сонгууль бол бидний хувьд чухал биш. Иргэдийн амьдрал чухалд тооцогдох цаг үе ирээд байна. Эрх баригчид үүнийг маш сайн тооцох ёстой. Яагаад тэвчиж болох зардлуудыг тэвчихээс татгалзаад байна. Тухайн үед бид сонгуульд зориулсан төсөв батлагдлаа гэж шүүмжилж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл төсөвт хориг тавьж байсан. Гэтэл олонхоор хүч түрэн Ерөнхийлөгчийн хоригийг ч хүлээж аваагүй, сөрөг хүчнээс тавьсан тодорхой саналуудыг ч хүлээж авалгүй алдагдалтай төсөв баталсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт есөн их наядын алдагдалтай төсөв баталж ирсэн. Энэ алдагдал бол өөрөө “өр”.

Төсөв мөнгө гэдэг бол чухал боловч нэн тэргүүнд тавих чухал асуудал бол улс үндэстний аюулгүй байдал юм. Тийм учраас өнөөдөр иргэдийн эрүүл, аюулгүй,амьд явах баталгааг хангах, эдийн засгийн баталгааг хангах гол асуудал бол төсөв хөрөнгөндөө тодотгол хийгээд, тэвчиж болох зардлуудаа танаж, эх үүсвэр шаардлагатай байгаа асуудлуудаа санхүүжүүлээд явах зэрэг бодит алхам хийхийг л эрх баригчдаас шаардаад байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Ганбаатар: Аж ахуйн нэгжүүдээс борлуулалтаар дэмжиж, хөрөнгө оруулалт хийгээч гэх хүсэлт тавьж байна

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Цар тахлаас үүссэн өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газраас л тодорхой шийдвэрүүд гаргаж байгаа. Энэ үед УИХ, тэр дундаа Эдийн засгийн байнгын хороо юу хийж байна вэ?

-Хүний амь нас, эрүүл мэнд нэгдүгээрт гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ үүнийг эдийн засаг дагаж явдаг гэдгийг бодолцох нь зөв. Иймд энэ асуудлаар УИХ-ын байгууллагууд Улсын Онцгой комисст ярьж, хамтарч ажиллаж байна. Эдийн засгийн байнгын хороо Засгийн газраас гарч байгаа бүхий л шийдвэрүүдийг гол санаачлагч нь болж ажиллаж байгаа гэдгийг онцлох нь зүйтэй. Үүнийг үгүйсгэх зоригтой сайд байхгүй байх. Тиймээс таны УИХ ажил хийхгүй байна гэх байр суурьтай санал нийлэхгүй байна.

Нэгдүгээрт, бид хүнсний хангамжийн асуудлыг авч үзсэн. Харж байхад гадны улс орнууд хүнсээ цөлмөж байна. Бидний соёлтой гэж үздэг улс орнууд тахлын сургаар лангуугаа хоосолж эхэлсэн. Манай охин Торонтод сурдаг. Сурахынхаа хажуугаар “Walmart”-д касс хийдэг юм. Охиныхоо өгч байгаа мэдээллээс харахад тэнд ихэнх лангуунууд хоосорч, ариун цэврийн цаас, гар ариутгагч бодис, гоймонг хүртэл ихээр нь авч байлаа. Нөхцөл байдал хүндэрвэл хүнсний хангамжийн асуудал хурцдах магадлалтай юм байна гэдгийг үүнээс харж болохоор байсан гэж хэлж болно. Тиймдээ ч Эдийн засгийн байнгын хорооноос анх санаачилсны дагуу хүнсний хангамжийн асуудлыг авч үзэхээр болсон. Энэ дагуу ҮАБЗ, УИХ-ын дарга үүрэг чиглэл өгсөн. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд би энэ ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Бизнесийн салбарууд болон Худалдаа аж үйлдвэрийн танхимаас ирж байгаа гол саналуудыг авч, цогц бодлогыг Засгийн газрын хуралдаанаар холбогдох сайд нарт танилцуулсан. Энэ хүрээнд манай байнгын хороо гурил, будаа, элсэн чихэр, ургамлын тос зэргийн хангамжийн асуудлыг авч үзэж, аравдугаар сарын 1-нийг хүртэлх нөөцөө бүрдүүлж чадсан. Мөн импортын татвар дээр анхаарч, төлөх хугацааг нь хойшлуулсан юм. УИХ хуралдаж эхэлмэгцээ тодорхой бараа бүтээгдэхүүн, импортын бүтээгдэхүүний татварыг хөнгөлөх хуулийн төслийг батлах болно.

-Бодлогын хүүг нэг хувиар бууруулснаар эдийн засагт дорвитой эерэг өөрчлөлтийг авчирч чадах уу?

-Нэг хувийн хүүг бууруулсан нь эдийн засагт томоохон нөлөө үзүүлэхгүй гэдгийг манай байнгын хороо сайн ойлгож байгаа. Бусад улс орнуудад бодлогын хүүг тэглэх зэргээр арга хэмжээ авч байна л даа. Гол учир нь тэдгээр улсийн төсөв байнга ашигтай байж, эдийн засгийн хувьд тогтвортой байдаг давуу талтай. Үүнийг ч бид бодолцох учиртай юм.

-Бодлогын хүү цаашид буурах боломж бий юү?

-Эдийн засгийн байнгын хороо харьяа байгууллага болох Монголбанкинд бодлогын хүүгээ буулга гэх шахалтыг байнга тавьж байгаа. Монголбанк өөрийн гэсэн хуультай ч гэсэн онцгой үед цогц шийдвэрүүдийг гаргаад явах эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд бодлогынхоо хүүг буулгах талаас нь ажиллах ёстой гэх даалгаврыг бид өгч байгаа. Түүнчлэн банкуудад заавал байх нөөцийг хоёр функтээр буулгасан. Энэ хүрээнд 300-400 тэрбум төгрөг орж байгаа гэж үзэж байна.

-Ноолуур бэлтгэх ажилд зориулж Хөгжлийн банкнаас үндэсний үйлдвэрүүдэд 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Зээл авах боломж, нөхцөлийг хэр хөнгөвчилсөн бэ?

-Миний хувьд энэ хөтөлбөрийн ажлын хэсгийг мөн ахалж ажилласан. Иргэдийн гар дээр очих ноолуурын үнийг унагахгүйгээр үйлдвэрүүдийнхээ бодлогыг дэмжих шийдвэрийг гаргуулахын тулд ажлын хэсэг хичээж ажилласан. Энэ онцгой үед малчдын гол орлого болсон ноолуурыг 90-100 төгрөгийн ханштай байлгахын тулд хаа, хаанаа санаачилгатай ажиллалаа. Хөгжлийн банкнаас 332 тэрбум төгрөгийн зээл олгохоор болж байгаа. Хөгжлийн банк өмнө нь ийм төрлийн зээл олгохдоо үйлдвэрлэгч нараас барьцаа хөрөнгө шаарддаг байсныг энэ удаад хөнгөвчилсөн. Шийдвэрийг хэрхэн зөв хэрэгжүүлэх эсэх дээр Эдийн засгийн байнгын хороо ажиллаж байна. Цаашид ч хэрэгжилт дээр хяналт тавьж ажиллах болно.

-Зээлийн эргэн төлөлт хийх хугацааг 90 хоногоор хойшлуулсан. Энэ шийдвэр бодитоор хэрэгжихгүй байна гэх шүүмжлэлүүд байна л даа.

-Энэ асуудлаар ажлын хэсэг гарч ажилласан. Худалдаа аж үйлдвэрийн танхим, холбогдох яамд, бизнесийн байгууллагууд бүхий л талаас нь ярилцаж эхний ээлжинд дээрх арга хэмжээг авахаар болсон. Гэхдээ зөвхөн үүгээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ зогсчих нь гэж ойлгож болохгүй. Коронавирустэй холбоотойгоор нөхцөл байдал өдөр бүр өөрчлөгдөж байна. Үүнтэй уялдаж холбогдох чиглэлүүд гарч, шат дараатай арга хэмжээнүүдийг авна.

УИХ-ын дарга төсвийн тодотгол хийх, ээлжит бус чуулган хуралдах эсэх, зээлийн хүү, түрээслэгч нартай холбоотой асуудлаар ямар тогтвортой арга хэмжээ авах, үйлдвэр, үйлчилгээний салбаруудын хүндрэлүүдийг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлуудыг судлах чиглэл өгсөн. Энэ хүрээнд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж байна. Энэ ажлын хэсгээс тодорхой шийдвэрүүдийг гаргана.

-Таны хувьд цаашид эдийн засгийг тогтвортой байлгахад ямар арга хэмжээ авах нь зөв гэж харж байна вэ?

-Ихэнх хүмүүс Тогтворжуулалтын болон Ирээдүй өв сангийн хөрөнгийг энэ үед хэрэглэхийг хүсч байсан. Миний хувьд ч ийм бодолтой байна. Яах аргагүй хүнд үе ирчихлээ. Дэлхий ч ингэж үзэж байна. Сангийн яам, Засгийн газар, зохих байгууллагууд тодорхой арга хэмжээ авахгүй бол үндэсний үйлдвэрлэгчид, жижиг, дунд бизнес эрхлэгчид элгээрээ хэвтэх нь байна. Надад өдөр бүр жижиг, дунд бизнес эрхлэгчдээс и-мэйл, захидал, мессэж, албан хүсэлт ирж байгаа. Тэдний зүгээс ирж байгаа дарамтыг багасгана гэхээсээ илүү борлуулалтаар дэмжиж, хөрөнгө оруулалт хийгээч гэх хүсэлт тавьж байгаа юм. Иймд тодорхой арга хэмжээ авахыг УИХ бодлогын хувьд шахаж ажиллаж байна. Ядаж цахилгаан, дулааны мөнгийг тэглэж, бага хүүтэй зээл олгож, дэлхийн бусад орнууд шиг эдийн засаг руугаа хөрөнгө шахаж байгаа жишгийг судлаач ээ гэх байр суурийг илэрхийлж байгаа.

Ямартаа ч энэ үед алтны л үнэ өсч байна. Иймд бид алт тушаалт, нөөцөө нэмэгдүүлж, эдийн засгийн хувьд тогтвортой байх боломжийг бүрдүүлэх ёстой. Энэ талаар ч бид ярилцаж байна.

-Хөл хорио тогтоосноос хойш алт тушаалт нэмэгджээ. Энэ нь биднийг алтаа хулгайд алдсаар байгааг нотолсон явдал боллоо. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Өмнөх онтой нь харьцуулдаг л даа. 2019 оны эхээр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой асуудлууд яригдаж, нийгэмд хүлээлт үүссэн байсан. Түүнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй.

Мөн хулгайн асуудлууд байдаг гэх таны хэлсэнтэй санал нэг байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Янз бүрийн байдлаар хилээр гардаг гэх мэдээлэл байдаг. Бид бүх талаас нь харж байж шийдвэр гаргах ёстой. Яагаад Монголд тушаахгүй байна вэ гэдгийг ч бодолцох учиртай.

-Ерөнхийлөгч гаргасан уриалгадаа төсвийн тодотгол хийх хэрэгтэй гэжээ. Сангийн сайдын зүгээс төсвийн тодотгол хийхгүй гэсэн хатуу байр суурь илэрхийлсээр байгаа л даа.

-Сангийн сайд дангаараа шийдэх асуудал биш л дээ. Д.Тогтохсүрэн даргаар ахлуулсан ажлын хэсэг тодорхой шийдвэр гаргах байх. Төсвийн тодотгол хийхээр бол УИХ заавал хуралдах хэрэгтэй болж таарна. УИХ Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагах ёстой тул цахимаар хуралдах шийдвэрийг гаргасан. Энэ дашрамд, УОК ажлаа маш сайн хийж, Засгийн газар ард иргэдийн амь нас, аюулгүй байдалтай холбоотой асуудлуудад зөв шийдвэр гаргаж, дэлхийд үлгэр жишээ болж чадаж байгаа гэдгийг онцолмоор байна. Энэ асуудалд үнэхээр баярлууштай.

-Хэрэвзээ УИХ яаралтайгаар хуралдахаар болбол гишүүдийн ирц хангалттай хүрэх үү. УИХ-ын гишүүд бэлэн байдалд байж чадаж байгаа юу?

-Бүх УИХ-ын гишүүд Монголдоо байгаа. Гэнэтийн шийдвэр гарах үед, ямар нэгэн байдлаар УИХ онцгой дэглэмээр хуралдахаар болбол гишүүд бэлэн.

-МАН Бага хурлаа хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулан ирэх сонгуульд оролцохоо илэрхийллээ. Одоо нэр дэвшигчдийн тодруулах л үлдээд байна. Мэдээж энэ талаар нам дотор яриа өрнөж байгаа байх.

-Нам дотор яригдаж байгаа зүйлүүд бий. ЖДҮ зэрэг янз бүрийн зүйлстэй холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдэг намын байр суурь хэвээрээ. Тийм зүйлстэй холбогдсон хүмүүс буруугаа ухамсарлах, хойш суух байдал давамгайлж байгаа.