Categories
мэдээ цаг-үе

Б.Гийгүүлэн: Ааваас надад хүн инээлгэх дуртай зан нь үлдэж дээ

Б.Бадрууган агсны хүү Б.Гийгүүлэнтэй ярилцлаа.

-Аавын тань талаар хүн бүхэн сайнаар дурсаж ярьдаг. Гэртээ аав хүнийхээ хувьд ямар хүн байсан бэ гэдгээр яриагаа эхэлье?

-Ноён нуруутай ханхайсан нөмөр нөөлөгтэй хүн байсан даа. Гэрт орж ирэхээр гэр дүүрээд л явчихна. Гэртээ их л энгийн, жирийн хүн байсан санагддаг. Ер нь хүмүүстэй уулзахдаа, ажлаа хийж байхдаа ч энгийнээрээ элдэв ааш аяггүй хүн. Тийм болохоор хүмүүсийн зүрх сэтгэлд их хоногшоод үлдчихсэн юм болов уу. Аавтай хамт ажиллаж байсан хүмүүс үргэлж сайхнаар дурсдаг.

-Хүүхдүүддээ юу гэж захьдаг байв?

-Ном унш гэдэг байсан. Дандаа би чиний хажууд байхгүй. Юм болгоныг би чамд хэлж өгч чадахгүй. Тийм болохоор чи мэдэхгүй чадахгүй юмаа номноос л олж унших хэрэгтэй. Хорвоо мөнх бус. Эд хөрөнгийг чинь хулгайч хулгайлаад аваад явчихаж болно. Харин чиний сурч мэдсэн зүйлийг хэн ч тархи толгойноос чинь авч чадахгүй. Тиймээс ном их унш. Эрдэм мэдлэгийг шүтэж бай гэдэгсэн. Хорвоо ертөнцийн жам ёс мөн чанар гэх мэт жаахан хүүхдэд ахдахаар том сэдвийг их л ойлгомжтой хэлдэг байсан. Яг юу гэдэг байсныг нь санахгүй ч ойлгочихсон л юм.

-Та аавынхаа захиасаар олон ном уншсан уу?

-Тэр хүмүүжил нь надад үлдчихсэн байна. Учиргүй их ном уншсан гээд байх нь ч хаашаа юм. Гэхдээ ер нь ном их уншихыг хичээдэг. Өвөөгөөс аавд, ааваас надад уламжлагдан ирсэн хамгийн их үнэ цэнтэй бөгөөд үнэлж барамгүй өв хөрөнгө болох хэдэн сайхан ном байна. Аавд өвөө маань би чамд эд хөрөнгө өгч чадахгүй энэ хэдэн номыг л өгье гэсэн юм билээ.

-Өвөөгийнхөө талаар дурсаач ямар хүн байсан бэ?

-Бага байхад ням гариг бүр өвөөгийнд очдог байсан. Очихоор зулай дээр нэг үнсдэг байсан. Намайг уг нь бичгийн талын ажлыг нь үргэлжлүүлэх байх гэж найддаг байсан юм билээ. Өвөө маань бүр бага байхад өөд болсон болохоор хожуу л ямар агуу хүн байсныг нь ойлгосон. Монголчуудын дунд бараг албан бус төрийн дуулал шиг дуулагддаг “Халуун элгэн нутаг” дуугаар нь их бахархдаг. Дууных нь хөшөөнд хүмүүс хүндэтгэл үзүүлж байхтай хааяа таардаг. Сэтгэлд их таатай байдаг.

-Аав тань сайн хүмүүстэй илүү нөхөрлөдөг байсан гэж ярьдаг юм билээ. Найз нөхдийнх нь тухай ярья л даа?

-Аав маань хүнийг дугаарлаж, дэс дараа өгч харьцдаггүй. Найз нөхөд нь ч одоо бидэнтэй холбоотой аавыг дурсаад л явж байна. Аавыг дурсаж ярих найз нөхдийг нь тоочих юм бол барагдахгүй дээ. UBS телевизийн Баяр ахын өрөөнд аавын зураг одоо болтол байдаг. Өрөөнд нь яваад орохоор аавын зураг ширээн дээр нь байхад сайхан л санагддаг юм. Бас Г.Золжаргал ах аавын талаар сайхан дурсамж нийтэлдэг. Тэрийг уншихаар надад аавтайгаа тухайн цаг үед нь очоод уулзсан юм шиг сэтгэгдэл төрүүлдэг юм. Энд тэнд хүмүүстэй уулзаад явж байхад аавын найзууд олон л доо. Бүгдээрээ л Ууганы хүү гээд их сайн байдаг юм.

-Аав тань жүжигчин, дуучин, найруулагч гээд олон төрлийн авьяастай хүн шүү дээ. Алинд нь илүү дуртай байсан юм бол?

-Тийм. Юм юманд адтай хүн байдаг шүү дээ. Аав маань юм юманд оролцож, хийж явсан хүн. Дуучид, ая зохиогчид гээд дуутай холбоотой хүмүүсийн хувьд аав дуучин, киноныхондоо кино найруулагч гэдгээрээ үлдсэн. Би жаахан байсан юм чинь миний хувьд аав гэдэг утгаараа л сэтгэлд үлдсэн байдаг. Аав найруулагч гэж дуудуулах дуртай байсан.

-Таныг аавынхаа мэр­гэжлийг үргэлжлүүлэхээр шийдсэн гэж ойлгож болох уу. Зураглаачаар ажилладаг байх аа?

-Би 2012 онд Радио телевизийн сургуулийг кино зураглаач мэргэжлээр төгссөн. Тэрнээс өмнө СУИС-д соёл урлагийн удирдлагаар сурч байсан юм. Соёл урлагийн удирдлагаар сурч байснаа гэнэт кино руу өөрийн эрхгүй татагдсан. Би кино урлагаар хоолоо олж идэх ёстой хүн юм байна гэж ойлгосон хэрэг. Одоо кино зураглаачаар ажиллаж байна. Гэхдээ яваандаа найруулагч болох бодол бий.

-Хэдэн кинонд ажилласан бэ?

-Анх “Рашаантын 18” кинонд дууны оператороор ажиллаж эхэлсэн. Дараагаар нь “Помогите нам-3” кинонд мөн ажиллаад, “Улаан Эрэг” телевизийн түүхэн сэдэвт олон ангит кинонд зураглаачаар, “Үхлийн Симфони” УСК-нд анх удаа ерөнхий зураглаачаар Аси найруулагчтай хамтран ажиллаж байсан. Мөн “Эх Орон дуудаж байна” кинонд зураглаачаар, “Хөгжилтэй өдөр” УСК-нд ерөнхий зураг­лаачаар ажилласан байна.

-Бага наснаасаа л урлагаар явъя гэж бодож байсан уу?

-Угаасаа л урлагийн гэр бүлд өссөн хүүхэд болохоор урлагаар л явна гэж боддог байсан. Манай гэрийнхэн аав, ах, эгч, өвөө гээд бүгд л урлагийн хүмүүс шүү дээ.

-Аавынхаа найруулсан кино­ноос онцолж нэр­лээч?

-Аав 1990-ээд онд кино найруулж байсан. Тэр үед одооных шиг олноор нь кино хийдэггүй байлаа. Аавын найруулсан хүмүүсийн мэдэх киноноос илүү мэддэггүй нэг киног нь онцолмоор байна. Тухайн үед олонд хүрч чадалгүй хөрөнгө санхүүгээсээ болоод кино театраар олигтой гараагүй юм. Тэр “Ертөнцийн сүүлчийн чулуу” гэдэг кино Бадрууган гэдэг хүний найруулагч талаасаа өөрийн бодлыг шингээсэн, илүү уран бүтээлч тал руугаа хандсан, ашиг орлогын бус бүтээл. Их цөөхөн жүжигчинтэй. Гол дүрд нь Равдан, Урнаа гэх зэрэг жүжигчид тоглосон юм.

-Дуулж байсан үеийг нь ярь л даа?

-Аавын зарим хуучны сайхан дуунуудыг сүүлд Наранзун, Мөнхгэрэл хоёр ах маань Радиогийн алтан санд хадгалагдсан байсан дуунуудаар нэг цомог гаргасан юм. Тэр цомгоос мэддэггүй сонин содон дуунуудыг сонссон шүү. Аавын дуулж байсан үеийг би сайн мэдэхгүй л дээ. Дуу хуур талаас нь Наранзун ах сайн ярих байх.

-Одоо дууг нь сонсоход ямар санагддаг вэ?

-Сайхан л санагддаг юм. Аавын дуу хоолой тэр хуурцганд хадгалагдаад үлдсэн гэдгээрээ мэдээж их дотно санагддаг.

-“Тунгалаг тамир” киноны туслах дүрд тоглосон хэсгийг ярьж их инээдэг байсан гэдэг юм билээ. Хэдэн кинонд тоглож байсан юм бол?

-Аав “Тууврын замд” кинонд тоглосон байдаг. Бас кино үйлдвэрт туслахаар ажилладаг байхдаа “Тунгалаг тамир” кинон дээр олны хэсэгт тоглосон юм билээ. Дараа нь хойшоо Ленинградад кино найруулагчаар сураад ирсэн байдаг.

-Өөрөө дурсан ярьдаг ярианаас нь санадаг уу?

-Би аавынхаа уран бүтээл талаас нь ярих юм бол миний мэдлэг жулдахаар л даа. Намайг их жаахан байхад аав өнгөрсөн шүү дээ. Би тухайн үед 13 настай байсан.

-Бага байхдаа аавынхаа ажил дээр очиж байв уу?

-“Төрийн сүлд өршөө” киноны зураг авалтан дээр харах хүн байхгүй гээд намайг ганц, хоёр удаа авч явж байсан. Тэрнээс биш киноных нь зураг авалт руу явж байгаагүй. Гэхдээ хэрвээ тэр үед хамт явж байсан бол гэж одоо их боддог. Хэрвээ тэгсэн бол тухайн үедээ ойлгохгүй ч гэсэн аавын жүжигчидтэй ажиллаж байсан арга барилыг одоо эргээд санахад их том гарын авлага болох байж гэж боддог юм. Харамсалтай нь аав намайг дагуулж явж байгаагүй. Очоод үймүүлээд ажлыг нь хийлгэхгүй гэж боддог байсан байх л даа. Хааяа ингээд кинон дээр ажиллаж байхад аавтай хамтарч байсан хүмүүс их хууч хөөрдөг юм. Хүн болгон л магтаж байдаг болохоор бахархам сайхан байдаг.

-Юу гэж магтдаг вэ?

-Ууган найруулагч мундаг хүн, сайхан хүн байсан гэдэг. Зан аашийг нь энгийн сайхан хүн гэж их ярьдаг. Тэгэхээр аав эргэн тойрон, хамт ажилладаг байсан хүмүүсийнхээ сэтгэлд одоо болтол байдаг хэрэг.

-Өөрөө айлын бага хүү шүү дээ. Хэр эрх хүүхэд байв. Аав тань эрхлүүлдэг байв уу?

-Би аюулын эрх хүүхэд байсан шүү. Аав хүний урманд нэг ч удаа надад гар хүрч үзээгүй. Голд ортол цөөн хэдэн үгээр загнана. Жаахан хүүхдэд яаж тааруулж, санаа сэтгэлд нь тэгж шингэтэл хэлдэг байсан юм бол бүү мэд. Одоо болтол зарим нэг загнуулж байсан үе санаанаас гардаггүй юм.

-Юу гэж загнадаг байсан юм бол санаж байна уу?

-Би багаасаа элдэв янзын юманд орооцолдох дургүй, зугтдаг зантай. Тэгсэн аавыг Радио телевизийн сургуулиа байгуулчихсан, захирал болчихсон байхад нь нэг удаа ажил руу нь дагаж явсан юм. Тэгээд л дээгүүр доогуур гүйж байсан чинь Үндэсний телевизийн нэг нэвтрүүлэгт дуу оруулах гэсэн дуу оруулах хүүхэд олдохгүй байж. Би тэгэхэд гуравдугаар ангийн хүүхэд байсан. “Хөөе миний дүү наашаа хүрээд ир. Алив чи энд дуу оруулаатах” гэдэг юм байна. Би “Үгүй ээ, чадахгүй” гэсэн чинь “Зүгээр, зүгээр” гээд намайг чирээд дагуулаад орчихгүй юу. Тэгээд текст өгөөд “Үүнийг уншаад сайн цээжилж бай” гэсэн. Би уншихгүй гэж зөрүүдлээд “Би бичиг үсэг мэдэхгүй” гээд хэлчихсэн юм. Тэгсэн чинь нээрээ юу гэхээр нь “Тийм сургуульд ороогүй, бичиг үсэг мэдэхгүй” гээд нөгөөдөхөөс бултаад байж байсан аав намайг алга болчихлоо гэж хайж яваад олоод ирдэг юм байна. “Хүүе чи энд юу хийж яваа юм” гэхээр нь “Энд харин намайг хүмүүс дуу оруул гээд байна” гээд л ховлочихсон. Тэгсэн чинь аав дагуулж ороод “Манай хүүг дуу оруулаатах гэсэн юм уу” гээд асуучихлаа. Нөгөөдүүл нь “Харин дуу оруулаач гэсэн чинь танай хүү чинь бичиг үсэг мэдэхгүй гэж байна” гэдэг юм байгаа биз дээ. Аав тэрэнд их санаа зовж ичсэн юм шиг байна лээ. Тухайн үед тэр хүмүүстэй инээд наргиа болгож өнгөрөөд гарч ирэхдээ намайг хараад “Бичиг үсэг мэдэхгүй гээд юун элдэв балай юм яриад байгаа юм. Хүний нэр баастаад байгаарай чи” гэж зэмлэсэн. Тэр үед “За ер нь хамаагүй хүн амьтанд муу хэлэгдэхээр байж болохгүй юм байна” гэж бодсон. Одоо бодоод байхад намайг гуравдугаар ангийн аравтай хүүхэд бичиг үсэг мэдэхгүй гэхээр “Бадрууганы хүүхэд бичиг үсэг мэддэггүй” гэж хүмүүс харлаа гэж бодсон байх даа. Тэгж нэг загнуулж байсан юм.

-Аавынхаа ажил дээр л өнждөг хүү байж дээ?

-Манай ээж гадаад руу уран нугаралтаар байнга явчихна. Би багадаа ээжийг дагаад хоёр удаа гадаад явж байсан юм. Бусад үед аав, эгч хоёртой л үлдэнэ. Тэгээд аавыг дагаад ажил дээр нь очоод л гүйж байдагсан.

-Гэрт чинь аавын тань найзууд байнга ирдэг байсан байх. Тухайн үед сонсож байсан дурсамжуудаас яриач?

-Гэрт аавын найзууд байнга ирнэ л дээ. Тухайн үеийн, одоо ч гэсэн урлагийн салбарт нэр хүндтэй толгой цохиж яваа эрхмүүд манай гэрээс салахгүй. Нэг нь гараад явахаар нөгөөдөх нь ороод ирнэ. Ер нь ёс зүй гэрийн хүмүүжил тал дээрээ аав чанга шүү. Том хүний ярианд хамаагүй битгий оролц гэдэг байсан. Одоо бодоод байхад ярьж байсан яриаг нь сонсож байсан үе байхгүй юм. Цаана нь хичээл номоо хийгээд л суудаг байсан байх.

Манайд аавын найзуудаас Жаргалсайхан ах анх орж ирснийг ер мартдаггүй юм. Хүмүүс орж ирэхэд сонин содон зүйлгүй л байсан юм. Гэтэл цаад өрөөнд орчихоод аавыг дуудахаар яваад очтол нэг хүн нь халзан болчихсон сууж байсан. Гайхаад үүдэнд малгай өлгөж үү гээд баахан харж билээ. Тэгээд хэсэг хугацааны дараа хиймэл үстэй гэдгийг ойлгосон.

-Ээжийнхээ талаар яриач. Тэр олон хүн ирж байхад мэдээж цай ундтай байх гээд ажил их шүү дээ?

-Манай ээж уран нугараач хүн л дээ. Наранцэцэг гэдэг юм. Монголд хамгийн анхны хос уран нугаралт хийж байлаа. Уран нугараачид их эрт тэтгэвэрт гарчихдаг шүү дээ. Харин манай ээж тухайн үедээ 44 хүртлээ нугарсан юм. Дээрээс нь уран нугараачид хүүхэд гаргах юм бол дахиж нугарахаа больдог гэж байхад ээж маань эгч бид хоёрыг гаргачихаад эргээд нугараад эхэлж байлаа. Тэр нэг үзэл онолыг буруу гэдгийг биеэрээ баталж харуулсан чадварлаг эмэгтэй. Одоог болтол уран нугаралтын багш хийж байгаа. Мэдээж гэр оронд хүн орж ирэхэд айлын ямар ч эзэгтэй цай унд гэх нь тодорхой л доо.

-Гэр бүлээрээ тэмдэглэж байсан хамгийн сайхан баяраа дурсвал?

-Ер нь манайд шинэ жилийн баяраар их гоё уур амьсгал ороод сайхан болдог байсан. Аав шинэ жилээр олдохгүй. Янз бүрийн хүлээн авалтад явчихна. Тэгсэн ч гэр бүлээрээ он гаргах сайхан байж.

Би багадаа их сэжигч үнсүүлэхээрээ хацраа арчдаг хүүхэд байсан. Цагаан сарын баярт тухайн үед дуртай биш. Одоо бодоход гэр бүлээрээ цагаан сарыг их л гоё тэмдэглэдэг байж дээ.

-Их алиа хошин мэд­рэмжтэй хүн байсан гэж дурсдаг байх аа?

-Тийм шүү. Онигоо их ярина. Хүн инээлгэх дуртай. Ааваас надад хүн инээлгэх дуртай зан л үлдсэн юм шиг байна. Тэрнээс тэр эрдэм мэдлэг нь бага заяасан юм уу даа. Би өөрийгөө их голдог юм.

-Аавынхаа мэргэжлийг өвлөж авсан юм биш үү?

-Өвлөх гээд л ядаад явна. Гэхдээ урлагт үнэхээр авьяастай бол тодроод гараад ирнэ л дээ. Хэрвээ авьяасгүй бол эртхэн зайгаа тавиад өгсөн нь дээр гэж боддог. Өөрийгөө авьяастай үгүйг шалгах гээд сорьж байна. Үнэхээр аавын авьяас мэдлэгээс жаахан ч атугай үлдсэн бол яваандаа тэр нь харагдах байх.

-Бадрууганы хүү гэхээр их хүндлэл оршдог байх даа?

-Жаахан байхаас минь аав, өвөөгийн нэр нуруун дээр явна гэдэг хүнд ачаа л даа. Өөрөө өөдтэй биш хэрнээ би Бадрууганы хүүхэд гээд чадахгүй байж цам харайгаад явах дургүй. Тийм болохоор Бадрууганы хүү гэдгээрээ хүмүүст танигдаж элдэв янзын хийсэн бүтээснээ гайхуулахаасаа илүү өөрийн хүч чадал, авьяас, эрдэм мэдлэгээр тодорч хүмүүст танигдахыг хүсдэг.

Categories
мэдээ цаг-үе

Б.Батмэнд: Наадмын хаалтан дээр “Халуун элгэн нутаг” дууг 13 жил дуулж байна

-“Бодлын хулгайч” киноны зохиолч нь мэргэжлийн
жүжигчин сонгосонгүй гэж намайг голж л байлаа-

“Бодлын
хулгайч” киноны Төмөр болон дэлгэцийн олон дүрээр нь хүмүүс мэдэх болсон дуучин
Б.Батмэндтэй ярилцлаа.

-Таны тоглосон
“Босуул” киноны нээлт саяхан боллоо. Энэ киноныхоо талаар үзэгчдэд
сонирхуулаач. Зураг авалтаа хаана авсан бэ. Хэцүү зүйл байв уу?

-Найруулагч
Ж.Сэнгэдоржийн “Босуул” кинонд хамгийн сүүлд тоглоод байна. Киногоо нээлт дээр
нь л анх үзсэн. Сайн кино болсон санагдсан. “Sun” продакшны залуусын хийсэн
кино л доо. Тв коктейлийнхон продюсероор ажилласан. “Босуул” киног хүмүүс үзчихэд гэмгүй. 1930
оны үйл явдлыг орчин үеийн шийдэлд оруулж сонирхолтойгоор гаргаж байгаа юм. Энэ
кинонд 60-70 хүнтэй том багтай хамтарч ажилласан. Хэнтийн нуруунд зураг авалтаа
хийсэн. Өглөө болгон үүрийн таван цагт босч уул руу мацаад зураг авалтад ордог
байлаа. Хоёрдугаар сард зураг авалт нь болсон болохоор их зутарсан. Үстэй
зузаан дээл өмссөн ч уулын таг дээр мөн ч хүйтэн байдаг шүү. Шөнийн зураг л
хэцүү байсан даа. Хамгийн сүүлчийн зураг авалтыг бүр хол авсан юм. Өндөр уулын
эгц өөд арав гаруй километр алхаж орой дээр нь гарсан. Дунд нь цуцаад ийм газар
сонгоод байхдаа яахав дээ гэж уур хүрч л байлаа. Орой дээр нь гараад харахад их
сайхан харагддаг юм билээ. Хийморь сэргээд гайхалтай байсан.

-Таныг дуучин
гэдгээр тань хүмүүс мэднэ. Сүүлд кинонд тоглоод байгаа учраас жүжигчин гэж
ойлгоод байгаа. Та хэзээ ямар мэргэжлээр сургуулиа төгсөж байв?

-Би анхнаасаа
СУИС-д ороод жүжигчин болох бодолтой байсан л даа. 1994 онд СУИС-д анх шалгалт
өгөөд Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуайн шавь болж байлаа. Урлагийн гавьяат
зүтгэлтэн Н.Ганхуяг багш манай ангийг дааж авсан юм. Тухайн үед кино драмын
ангид дуулаачийн хичээл ордог байсан. Тэр хичээлийг гавьяат жүжигчин Д.Банди
орно. Тухайн үед Д.Банди багш маань надад хоёр мэргэжилтэй болох санал тавиад
дуулаачийн ангид давхар мэргэжлийн шалгалт өгсөн. Гуравдугаар курсээс кино
драмаас илүү дуулаач руугаа чиглэсэн юм.
Д.Банди багш маань дуулаачийн тэнхимийн багш болохоор нь багшийгаа дагаад
дуулаачийн анги руу шилжчихсэн. Тэгээд л 2000 онд дуурийн дуучнаар төгсөж байлаа.

-Сургуулиа
төгсөөд ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-Сургуулиа
төгсөөд дуурийн театрт гоцлол дуучнаар орсон. Дуурийн театрт есөн жил ажилласан
даа. Ажиллаж байх хугацаандаа арав гаран дуурьд дуулсан байдаг юм. Би төгсөх
курст байхдаа “Учиртай гурван толгой” дуурийн дүрийн гуравдугаар уралдаанд
Д.Банди багштайгаа бэлдэж орсон. Балганы дүрээр тэргүүн байр эзэлж байлаа. Анх
удаа оюутан байхдаа “Учиртай гурван толгой” дуурийг театрын тайзан дээр дуулж
үзсэн нь тэр. Д.Банди багшийнхаа буянаар шууд дуурийн гоцлол дуучнаар орсон.

-Анхны
дэлгэцийн уран бүтээлийнхээ талаар яриач?

-Дуурийн театрт
ажиллаж байхад “Миний хөрш” чөтгөр кинонд тоглооч гэж “Х түц”-ийнхэн санал
тавихад ямар ч дүрийг нь мэдээгүй байж зөвшөөрчихсөн. Компанийн захирлын туслах
дүрд тоглосон. Анхны гайгүй болсон дүр маань “Бодлын хулгайч” киноны дүр юм уу
даа гэж боддог. 2009 онд дууриас гараад өөр ажил хийгээд явж байлаа. Тухайн үед
манай доод үеийн төгсөгч жүжигчин Б.Амарсайхан найз маань Ж.Сэнгэдорж
найруулагч бид хоёр кино хийх гэж байгаа юм чи орооч гэсэн. Зохиолыг нь уншсан
чинь айхтар хэсэгтэй байсан юм. Хэллэг нь ч их хэцүүхэн. Тухайн үедээ хоорондоо
ярилцаад зассан. “Бодлын хулгайч” кино Д.Төрмөнх ахын зохиол шүү дээ. Д.Төрмөнх
ах Ж.Сэнгэдорж найруулагчид “Би уг нь наад дүрийг чинь нэлээн тодотгож бичсэн
юм шүү дээ. Дуурийн дуучинд өгчих юм даа. Мэргэжлийн жүжигчинд өгчихгүй” гэж
голж байсан гэсэн. Сүүлд нь “Ах нь чамайг анх голж байсан юм. Киногоо үзсэн
чинь харин буруу бодож байж, санаснаар боллоо” гэсэн.

-Хэдэн
дэлгэцийн уран бүтээлд ажиллаад байна вэ?

-“Бодлын хулгайч”
киноны дараа найруулагч Т.Алтантуяагийн “Эх орон дуудаж байна” кинонд тоглосон.
Аятайхан кино болсон гэхдээ удаан гарсангүй. Халх голын дайны, цэргийн даргын
дүрд тоглосон юм. Тулгаа гэдэг залуугийн “Өнөөдөр” кинонд тоглолоо. Ангийн найз
У.Уранчимэг маань “Зүрхээр наадагч” кинонд оролцооч гээд нэг туслах дүрд
тоглосон. “Made in Ulanbaatar” кинонд бас тоглосон юм байна.

-Хүмүүс таныг
дуучнаар нь таньдаг уу. Жүжигчнээр чинь таньж байна уу?

-Дуурийн дуучдыг
хүмүүс сайн танихгүй шүү дээ. Дуурь үздэг хэсэг хүмүүс л таньдаг. Энгийн үед
концертод “Халуун элгэн нутаг”, “Монголын сайхан нутаг” дууг дуулдаг болохоор
ард түмэн сайн танихгүй л дээ. “Бодлын
хулгайч” кинонд тоглосноор хүмүүс ийм жүжигчин байдаг юм байна гэж мэдсэн байх.

-Дуурийн театр
таныг байх үед ямар байсан бэ?

-Зах зээлийн үед
хэцүү байсан юм шиг байгаа юм. Алтан үеийнхэн нь тэтгэвэрт гарчихсан. Биднийг
дуурьд орж байхад цөөхөн хүн байдаг байсан. Тенор хоолой гэхэд Баясгалан ах,
Ганхуяг багш. Басс хоолой гэхэд Баянбилэг, Пүрэвсүрэн ах нар байсан. Баритонд
Гантөмөр гавьяат. Эмэгтэйчүүдээс Ардын жүжигчин А.Долгор, Б.Жавзандулам,
Гавьяат жүжигчин Б.Цэцэгээ, Ж.Цэцэгээ нар л байлаа.

Тухайн үед дуурь
үзэх хүн бага. Ажил ихтэй, авсан цалин байхгүй. Өдөр бүр дасгал, сургуулилттай.
Итали, герман, англи, орос хэлээр дуулна. Мэдэхгүй хэлээрээ гальгилж цээжлээд
дуулна шүү дээ. Орос, италийг нь ойлгож байгаа ч герман, англи хэлийг хүмүүсээр
орчуулуулж утгыг нь ойлгож аваад л цээжилнэ. Гол дүр бол нэг, хоёр цаг тасралтгүй
дуулна гээд амар биш. Төр засаг нь анхаарахгүй хаягдчихсан байлаа. Одооны
дуурийн дуучид, гоцлол дуучдыг хараад байхад ер нь их шинэчлэгдсэн байна лээ.
Сайхан ч дуулж байна. Хэн ч яваад тэмцээнд ороход байр эзэлчихээд байна.

-Тэр үед олон
улсын тэмцээнд явах боломж хэр байсан юм бол?

-Байсан. Гэхдээ
бид олон тэмцээн мэдэхгүй. Орост болдог хэдийг л мэднэ. Тэр рүү уг нь явах
ёстой л байсан байх даа. Зардал бололцоо
нь хэцүү. Тухайн үед нийгэм ч тийм сайн байгаагүй. Хүмүүс сонгодог урлагийг
айхтар дэмждэггүй байлаа. Есөн жил дуулаад эргээд харахад хэдхэн дуурь
дуулчихсан. Олигтой гийгүүлсэн юм ч байхгүй. Соёлын тэргүүний ажилтан гэсэн
цолтой хадмынхаа хаяанд байж байсан. Авсан цалин нь гурван зуу гаруй мянган
төгрөгийн цалинтай. Хүндхэн л байлаа.

-Та одоо хаана
ажиллаж байгаа вэ. Киноны санал их ирж байна уу. Голдуу ямар дүрд сонгогдож
байна?

-Би урлагийн
байгууллагад харьялагдахгүй, өөр зүйл хийж байгаа. Дуртай болохоороо урлагаас
холдож чадахгүй байна. Киноны санал ирдэг юм аа. Ажлынхаа цаг завыг харж, зохиолыг
нь уншиж байгаад сонгодог. Бас олон кинонд туслах дүр бүтээмээргүй байдаг юм.
Одоо нэг киноны санал ирээд байгаа. Өвөл зураг авалт нь болно. Кино урлаг руу
эргэлт буцалтгүй орчихлоо л доо. “Бодлын хулгайч” кинонд тоглосноос хойш
найруулагч нар жаахан эвгүй дүрд л сонгоод байна. Ширүүн царайтай харагддаг юм
болов уу.

-Та амьдрал
дээрээ ямар зантай хүн бэ?

-Уг нь би их
зөөлөн хүн ш дээ.

-Та жүжигчин л
болох байж дээ?

-Анхнаасаа миний
бодож байсан мэргэжил жүжигчин. Манай ангид Драмын театрын найруулагч
Н.Наранбаатар, гавьяат жүжигчин У.Уранчимэг, “Шинэ үе”-ийн Аси нар байсан.
Гэхдээ дуурийн дуучин болсноороо алдсан юм байхгүй л дээ. Сайхан л мэргэжил.

-Аав, ээжийгээ
танилцуулаач. Таныг урлагаар явна гэж сонгоход хэр дэмжиж байв?

-Би Ховд аймагт
төрсөн. Манай аав Ховдын Булган сумын харьяат Алтайн торгууд хүн. Манай аав,
ээж хоёр их гоё дуулдаг хүмүүс. Манай аав заримдаа мань мэтийгээ ичтэл дуулна.
Одоо 80 хүрч байгаа хөгшин бий. Манай аав намайг багаас минь урлагийн хүн болно
гэдгийг мэдэж байсан юм шиг байгаа юм. Анх намайг наймдугаар анги төгсөхөд
Соёлын дунд сургуульд явуулж байсан. Би хоёрдугаар курсээсээ хаячихсан юм. Тэр
нь хөгжмийн багшийн анги л даа. Би түүндээ сонирхолгүй. Нутаг буцаад тэндээ
арван жилээ төгссөн.

-Та айлын хэд
дэх хүүхэд вэ?

-Би айлын хоёр
дахь хүүхэд. Дээрээ нэг эгчтэй. Доороо дөрвөн дүүтэй. Би араасаа бас хоёр
дүүгээ урлаг руу чирсэн хүн. Батбаяр гээд Ардын дуу бүжигт ажиллаж байсан
дуучин залуу бий. Сая “247 градус” уран сайхны киноны продюсероор ажилласан
Батболд бас манай дүү.

-Жүжигчин
хүмүүс түүхэн дүрд тоглохыг хүсдэг. Таны Чингис хааны дүрд тоглосон зургийг
харсан. Тоглохыг хүсдэг дүр бий юу?

-Нэг баримтат
уран сайхны кинонд Чингис хааны дүрд тоглох завшаан тохиосон юм. Сахал тавиад,
хувцсыг нь өмсөхөөр зураг дээрхтэй нь төстэй юм шиг харагдаж байна лээ. Батболд
гэдэг найруулагчийн Төрийн ордны музейд л гардаг богино хэмжээний баримтат
кино.

Хүн болгон цаанаа
нэг мөрөөдөлтэй. Монгол жүжигчид маань ер нь түүхэн дүр их сонирхдог юм байна
шүү. Би ч мөн адил. Ер нь жүжигчин хүн чинь дүр нь аятайхан болоод хүмүүст хүрч
байвал тэрнээсээ кайф авна.

-Гэр бүлийнхээ
талаар яриач. Эхнэртэйгээ хэзээ танилцаж байв?

-Манай эхнэр
нягтлан мэргэжилтэй. Эхнэртэйгээ анх 2005 онд төгсөлтийнх нь үдэшлэг дээр дуулж
байхдаа танилцсан юм. Хүүг маань Дөлгөөн, охиныг маань Мөнхжин гэдэг. Өвөө нь
их л орчин үеийн нэр өгч байгаа юм гэсэн. Хүү маань Хөх хотод сурч байгаа.
Арван дөрвөн настай. Бага нь одоо найман настай. Гуравдугаар ангид сурдаг.

-Та хэр
халамжтай аав бэ?

-Гайгүй аав гэж
боддог шүү. Амралтын өдрүүдээр гэртээ хоол хийх дуртай. Ер нь гэр
бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөхийг илүүд үздэг. Манай хэд аавын хоолыг идэх
дуртай шүү. Манай охин аав амьтай, кинонд яваад удахаар санаад аюул болдог юм.

-Таны үеийнхэн
буюу жүжигчин Ц.Цэрэнболд Холливудын кинонд тоглоод байна. Танд тийм бодол бий
юу?

-Өнгөрсөн жил
Америк руу зураглаач Ангарагтай явсан. Тэнд кино урлагийн семинар болсон юм.
Урьд нь Ангараг явахдаа “Бодлын хулгайч” киног тэнд байдаг операторуудад
үзүүлсэн юм билээ. Тэд нар нь намайг жаахан
тоосон юм шиг байна лээ. Тэгээд хоёр дахь семинар дээр нь би дагаж яваад тэр
хэдтэй танилцсан юм. Хэлний баялаг дутсан даа. Сүрхий ярьж эхлээд хэдэн үг
солиод л англи хэлгүй байсан эргээд явчихдаг юм билээ. Уг нь жаахан хэлтэй бол
явчихаар санагдсан. Англи хэл би ерөөсөө үзэж байгаагүй юм чинь. Арван жилд
орос хэл, СУИС-д итали хэл үзэж байсан. Тэгээд л өөрийгөө жаахан зүхэж байгаад
л буцсан даа. Оскарын шагналтай том том хүмүүстэй танилцчихаад буцах
харамсалтай л байсан. Тэнд нь нэг, хоёр жил болчихвол хэлтэй болоод гайгүй л юм
шиг байна лээ. Энд амьдрал байгаа юм чинь бас хэцүү л дээ.

-Дуурийн
театрт байхдаа сэтгэлд хоногштол дуулсан дуурь бий юу?

-П.И.Чайковскийн
“Евгений Онегин” дуурийн Греминий дүрд их олон жил бэлдсэн юм. Даанч дуулж
чадаагүй. Өөрийгөө жаахан чамлаад тайзан дээр гарч чаддаггүй юм. 5-6 минутын
нэг л том ари шүү дээ. Оюутан цагаасаа эхэлж бэлдээд дийлээгүй л юм даа. Хоёрын
хооронд чадахгүй юм чинь тайзан дээр гараад яахав дээ. Би басс баритон
хоолойтой. “Учиртай гурван толгой” дуурийн Балганыг хамгийн олон дуулсан. 40
гаран удаа дуулсан байдаг юм.

-Хөдөө зураг
авалтаар явахдаа хувийн зүгээс юу базаадаг вэ?

-Хөдөө олон хоног
зурганд явахад амттай юм идчихмээр байдаг. Би чихрэнд их дуртай. Хайрцаг
чихэртэй л явдаг хүн. Компот, чихэр аваад л зурганд гарна даа. Нөгөөдүүл маань
намайг хараад шоолоод байдаг юм. Сая “Босуул” кинон дээрээ бол дурантай л хүн
яваад байсан. Тэр саванд нь дүүрэн чихэр, алим байсан шүү дээ.

-Гэр бүлээрээ
тэмдэглэдэг хамгийн сайхан баяр юу вэ?

-Жил бүрийн
нэгдүгээр сарын 21-нд эхнэртэйгээ танилцсан өдрөө заавал тэмдэглэдэг юм. Тэгээд
голдуу хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг өргөн тэмдэглэдэг дээ. Цагаан сараар
хөгшчүүл дээрээ очиж золгоно. Аав, ээж хоёр маань хоёр жилийн өмнө хотод
нүүгээд ирсэн. Эмээлтэд байгаа. Мөн жил болгоны наадмаар Төв цэнгэлдэх орж бөх
үздэг. Наадмын хаалтан дээр 13 жил “Халуун элгэн нутаг” дууг дуулж байна.
Тэрэндээ дасал болчихсон. Жил болгон л зохион байгуулж байгаа хүн нь дууддаг
юм.

-Та чөлөөт
цагаараа юу хийдэг вэ?

-Сүүлийн үед
фитнесст донтож байгаа. Чөлөөт цаг гарвал л фитнесс рүү явна. Клубынхэнтэйгээ
их найзална. Зун нь амралт гээд хаячих юм. Өвөлдөө их идэвхтэй явдаг. Заримдаа
донтоод долоо хоногт зургаан удаа явах үе бий.

-Бага насаа
дурсаач?

-Аав маань
аймгийн алдарт уяач л даа. Аавыгаа дагаж морь уяна. Багадаа морь их унадаг
байсан юм. Ховдынхон эмээлгүй тохом тавиад л морио унана. 11-нд 2,3 морь сэлгэж
унахаар орой бөгс шалбарчихсан, ядарсан амьтан маргааш нь унтаад өнжинө. Бага
байхад тийм маягтай нааддаг байлаа. Буянт голын хөвөөнд л өнждөг байв. Өвөлдөө
хичээлдээ яваад зундаа Буянт гол дээр эсвэл мал дээр байна. Зун бол хувцас
өмсөхөө мэдэхгүй шүү дээ. Хөлийн булчин хагартал усанд ордог байлаа. Орой ирж хоол идэж аваад
зүлгэн дээр гараад бөх барилдана. Тэр үеийн тоглоом чинь барилдах, ноцолдох
гээд дандаа л бие бялдрын юм байдаг байж дээ.

-Одоо та бүр
дуулахгүй байгаа юу?

-Дуулахгүй
байгаа. Ганц, нэг хуримын урилга ирдэг юм. Драмд байсан юм болохоор бас арай
дөхөм. Жилдээ арав гаруй хурим хөтөлчихдөг.

Амьдралын маань
замыг зааж сургасан багш нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Аав, ээж,
ханьдаа баярлаж явдгаа танай сониноор дамжуулаад уламжилъя.

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганзориг: Монгол дэлхийд давсны хэрэглээ өндөртэй улсын тоонд ордог

Эрүүл мэнд,
Спортын яамны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын, нийгмийн
эрүүл мэндийн хэлтсийн хоол тэжээл хүнсний аюулгүй байдлын бодлогын
хэрэгжүүлэлт зохицуулалтыг хариуцсан мэргэжилтэн, анагаах ухааны доктор Д.Ганзоригтой ярилцлаа.

-Давсны
хэрэглээг бууруулах үндэсний стратеги батлагдчихлаа. Монгол Улсын хувьд давс
хэт их хэрэглэдэг орны тоонд орж байгаа юу?

-Дэлхийн улс
орныг бүсчлэн авч үзвэл манай улс бүсдээ хамгийн өндөр давсны хэрэглээтэй гэж
гардаг. Урд хөрш болох Хятад улс гэхэд есөн грамм давс хоногт хэрэглэж байхад
манай улс 11 граммыг хэрэглэдэг. Бүр баруун аймгийн нутгуудаар хоногт 16 грамм
давс хэрэглэж байна.

Дан ганц эрүүл
мэндийн байгууллага давсны хэрэглээгээ бууруулах талаар ярихаар хүнсний
үйлдвэрлэл эрхлэгчдэд тэр бүр хүрээд байдаггүй. Тийм болохоор олон салбарыг
хамарсан үйл ажиллагаа болгохын тулд ажлын хэсэг байгуулаад хөтөлбөр
боловсруулсан юм. Эхэндээ хамтран ажилласан байгууллагууд дургүй байсан ч эрүүл
мэнд талаас нь сайн тайлбарласны үр дүнд
зөвшөөрсөн. Судалгаагаар давсны хэрэглээг бууруулахад эдийн засаг болон хүн
амын эрүүл мэндэд сайнаар нөлөөлж байгаа.

-Давс их
хэрэглэснээр ямар өвчин үүсэх вэ?

-Дэлхий даяар
халдварт бус өвчний тархалт ихэсч, нас баралт нэмэгдэж байгаа. Монголын
хэмжээнд нас баралтын шалтгааныг жагсаавал дөрөвт нь халдварт бус өвчин орж
байгаа. Энэ халдварт бус өвчнийг үүсгээд байгаа зүйл нь амьдралын буруу хэвшил,
буруу хооллолт тэр дундаа давс, чихэр, өөх тосны хэт хэрэглээ, хөдөлгөөний
дутагдал. Давс их хэрэглэхээр зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх, яс
сийрэгжих, зүрхний шигдээс, тархины цус харвалт, ходоодны хавдар зэрэг өвчнүүд
бий болдог. Эдгээр өвчнүүд манай хүн амын нас баралтын тэргүүлэх хүчин зүйл нь
болоод байна. Хэрэв бид давсныхаа хэмжээг бууруулах юм бол нас баралтын тоог
бууруулах бололцоотой. Энэ нь ганцхан манай улсад ч биш өөр улсад ч байдаг
асуудал. Дэлхий даяар халдварт бус өвчнийг бууруулъя, зөв зохистой хоол­лолтыг
нэмэгдүүлье, давсныхаа хэмжээг багасгая гэсэн том том бодлогын баримтууд гаргаад дэлхийн эрүүл мэндийн чуулганаар
гишүүн орнууд бүгд дэмжээд баталчихсан. 2025 он гэхэд хүн амын хоногийн давсны
хэрэглээг таван граммаас бага байлгаж чадвал халдварт бус өвчинтэй холбоотой
нас баралтыг 18-24 хувиар бууруулах бололцоотой. Түүнийг тоолбол олон сая хүний
амь аврагдана.

-Стратегийг
боловсруу­лахын өмнө судалгаа хийсэн үү?

-Бид давсны
хэрэглээгээ багасгах зорилт тавихаасаа өмнө “Талх чихэр” компанитай туршилтын
төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулсан юм. Тус гэрээгээр талханд агуулагдах давсны
хэмжээг тодорхой хэмжээгээр бууруулахаар тохирсон. Талхны давсны хэмжээг
бууруулсан ч ямар ч хүнээс гомдол ирээгүй. Харин эсрэгээрээ “Талх чихэр”
компанийн тухайн жилд импортолж авдаг байсан давсны хэмжээ хэдэн тонноор
буурчихсан байгаа юм. Хиам хийдэг махны чиглэлийн үйлдвэрүүдэд бас ижил саналыг
тавьсан. Мөн л хүмүүс гомдол мэдүүлээгүй.

-Ямар бүтээгдэхүүнд
давс их агуулагдсан байдаг вэ?

-Давсны талаарх
судалгаа хийхэд талх, цай зэрэг монголчуудын нийтлэг хэрэглэдэг хүнсний 81.6
хувь нь олон улсын ангиллаар давс ихтэйд
тооцогдсон. Хүмүүсийн өдөр тутамд иддэг нийтийн хоолны 83.6 хувь нь давс ихтэй
байдаг гэсэн судалгаа бий.

-Энэ стратеги
арван жилийн хугацаатай гэсэн. Арван жилийн хугацаанд Монгол Улс хоногт хэдэн
грамм давс хэрэглэдэг болох вэ?

-Арван жилийн
дараа гэхэд Монголын хүн амын давсны хэрэглээ одоогийн түвшнээс 30 хувиар
буурна. Одоо бид 11 грамм давс хэрэглэж байгаа бол 7.5 грамм давс хэрэглэдэг
болно гэсэн үг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүн хоногт таван граммаас
бага давс хэрэглэх ёстой гэж заасан байдаг. Бид арван жилийн дараа энэ заалтад
хүрэхгүй ч байж магадгүй. Ер нь долоон грамм орчим давс хэрэглэдэг болгохоор
зорьсон байгаа.

-Хувь хүнээс
асуулга асууж үзсэн үү. Хүмүүс энэ талаар ямархуу мэдээлэлтэй байдаг юм бол?

-Бид 2013 онд
давсны хэрэглээний тухай судалгаа хийсэн. Тэр судалгаагаар нийт хүн ам давсны
талаарх мэдээ мэдээлэл муутай байсан. 19.1 хувь нь давс ихтэй хүнсний талаар,
12 хувь нь давс ихтэй хоол, хүнс эрүүл мэндэд нөлөөлөх талаар, 95 хувь нь давс
багатай хүнсний бүтээгдэхүүн хэрхэн сонгох талаар мэдлэг багатай байсан. Давсны
талаар мэдээлэл тун муу гэсэн үг. Иймээс бид бүтэн нэг зорилтыг хүн ам руугаа
чиглүүлсэн байгаа юм.

-Бодлогын
хүрээнд ямар ажлууд хийх вэ?

-Бид бодлогоор
хүнсний бүтээгдэхүүнд байгаа стандарт дахь давсны хэмжээг бууруулахаар
ажиллана. Мөн телевизээр давс ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг сурталчлахгүй байх
зэргийг бодлогодоо оруулах хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, зар
сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа. Хүний эрүүл мэндэд
хортой хүнсний бүтээгдэхүүнийг сурталчлахыг хориглоно. Сурталчилсан ч татварыг
нь илүү авахаар зүйлчлэх юм. Мөн хилээр оруулж ирэх давс ихтэй бараанаас татвар
нэмж авах зэрэг арга хэмжээ авна. Хүнсний стандартад 100 грамм тухайн хүнсний
бүтээгдэхүүнд таван граммаас бага давс агуулсан байх ёстой. Савласан
бүтээгдэхүүний шошгон дээр давсны хэмжээ заавал тавигдсан байх ёстой гэдэг
заалтыг бодлогын түв­шинд заавал оруулж байгаа.

Үндсэндээ энэ
стратегийг хэрэгжүүлэхэд гурван том зорилт бий. Нэгдүгээрт, эрх зүйн орчин
бүрдүүлэх. Хоёрдугаарт, давсны хэрэг­лээг бууруулах. Энэ зорилтод төр, хувийн
хэвшил бие биенээ дэмжиж ажиллана. Энэ үйл ажиллагааны үр дүнг хянах
байгууллага маш сайн ажиллах шаардлагатай. Бүтээгдэхүүний шошгон дээр давсны
агууламжийг бичсэн эсэхийг шалгахаас эхлээд сайн ажиллавал сайн үр дүнд хүрнэ.

Гуравдугаарт, хүн
ам руу чиглэсэн давсны тухай мэдээлэл сурталчилгаа явуулна. Энэ нь иргэд хүнсээ
зөв сонгох, давсыг зохистой хэрэглэх мэдлэг, дадлыг эзэмших орчин бий болгох
замаар хүн амын давсны хэрэглээг бууруулахад оршиж байгаа юм.

-Стратегийн
бодлого хэрэгжүүлж хүмүүст мэдлэг өгчихөөр давсны хэрэглээ багасах байх?

-Тийм, наад зах
нь үйлдвэрлэгчид бүтээгдэхүү­нийхээ шошгонд агуулагдаж байгаа давсных нь
хэмжээг бичдэг болно. Мэргэжлийн хяналтынхан тэдний ажлыг сайн хянадаг болно.
Чихрийн хэрэглээг багасгана гэж ярьж эхлэхэд чихэргүй ундаа гараад ирсэн шүү
дээ. Түүнтэй адил манай хүнс давс багатай шүү гээд үйлдвэрлэгчид маань өөрсдөө
сурталчилгаа хийгээд эхлэх юм.

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Хөлбөмбөгч хөвгүүдтэй, хөгжөөн дэмжигч охидтой ангийнхан

Найрамдлын районы сургууль буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн 1972-1982 оны 10 “г” ангийнхныг энэ удаагийн “Нэг анги” буландаа урилаа. Офицеруудын ордны урд байрладаг дөрвөн давхар сургуулиа тэд “Гадна талбайд мод тарьдаг ургамлын туршилтын талбайтай, хажуудаа мөсөн каток, урдаа хөлбөмбөгийн модон стадионтой Баянзүрх дүүрэгтээ хамгийн том сургууль нь байсан” гэж ам уралдан магтав. 10 ”г” ангийнхан энд тэндээс цуглажээ. Амгалангийн 27, Шавь цогцолбор буюу 69, Төр хурахаас шилжиж ирсэн нөхөд нэг анги болж. Эдний ангийн 36 хүүхдээс 18 нь хөвгүүд байжээ. Анги дааж төгсгөсөн ачтан нь физик, математикийн Х.Дашдулам багш. “Ангийн багш маань хал нь гаднаа хайр нь дотроо байсан шүү. Биднийг нууцхан их өмөөрнө өө. Тухайн үед ухамсрын шанаа өгдөг багш нараас хүүхдэд ахадсан хатуу үг сонсгохгүй санаатай нь үйлдэл бүрээс нь анзаарагддаг байлаа” гэж ярьцгаалаа. Ангийн хөвгүүд сахилгагүйтэж нэг багшийнхаа уурыг хүргэж л дээ. Өнөө багш “Анх хэрэг тарьсан нөхрийг шийтгэнэ. Тэр нөхөр урагшаа алх” гэхэд нь 18-уулаа урагш алхаж байж. Уурлаж бухимдсан багш хөвгүүдийг зодохоор цагаа тайлаад бэлдэж байтал ангийн багш нь ороод иржээ. Багш нь сахилгагүй шавь нараа шууд өмөөрөөгүй ч харж зогссоор байгаад ууртай багшид зодуулаагүй аваад гарчихсан гэнэ. Хөвгүүд нь энэ явдлыг хөгжилтэйгөөр ярьцгаав.

Эрдэнэцогт буюу Самка “Тухайн үед есдүгээр ангийнхан аравт орох жилээ дайчилгаанд явдаг байсан юм. Батсүмбэрийн сангийн аж ахуйн Үдлэгийн гол дээр бригад гарч намрын ногооны дайчилгаанд явдаг байлаа. Хүнсний ногоо хураана л даа. Тэр үеэр ангийнхантайгаа илүү ойр дотно танилцаж байсан. Жаахан хүүхдүүд ядарна гэх биш. Гитар тоглоод л бусад нь бүжиглэдэг байлаа. Цэргийн жижиг майханд бүжиг хийгээд байвал яах нь тодорхой. Тоос босоод жигтэйхэн юм болно биз дээ” гэж дурсамж сөхөхөд өнөөдүүл нь ч бас намрын хөгжилтэй хөөртэй агшнуудаа ам булаалдан ярьцгаав.

10 “г”-гийнхэн коллективтой гэдгээрээ сургуульдаа гайхагддаг байж. Нэг үеийнхэн дээд, доод ангийнхан нь завсарлагаанаар ангид нь ороод ирдэг байсан гэхээр их л нийтэч нөхөд байсан бололтой. Ангийн дарга А.Лхагвадорж нэгдүгээр ангиасаа одоог хүртэл ангийнхнаа командалж иржээ. Ангийн даргын үгнээс нэг ч хүүхэд гардаггүй гэнэ. А.Лхагвадорж “Нэг жил кросс уралдаан боллоо.

Хамт олноор нь дүнг нь гаргана гэдэг юм. Хотын бүх сургуулийн хүүхдүүд оролцлоо. Хамгийн эхэнд орсон хүүхдийн цагийг сүүлд ирсэн хүүхдийн цагтай дундажлаад ангиар нь байр эзлүүлж байсан юм. Жуковын музейгээс Багшийн дээд хүртэл Энхтайваны өргөн чөлөөгөөр гүйнэ гэлээ. Бүгдээрээ ярилцаж байгаад цанын спортоор хичээллэдэг А.Цогбаярыг эхлээд гүйлгэлээ. Бусад нь гүйдэггүй охидоо дундаа хийж чадахгүйг нь чирч гулдарч байж барианд орсон. Гэтэл бусад ангийн хүүхдүүд амиа бодоод гүйчихсэн. Манай ангийн эхний хүүхэд тасархай түрүүлээд барианд орчихож байгаа юм. Бусад ангиас эхэнд орсон хүүхэд өчнөөн ч гэлээ гүйж чаддаггүй нь бүр хойно үлдчихэж байгаа юм чинь. Цагийн дараа орж ирсэн охин ч байсан. Тэр уралдаанд манай анги түрүүлж воллейболын сетк, бөмбөгөөр шагнуулсан. Шагналаа сургуульдаа өгч байлаа” гэж ярилаа.

Хөвгүүд нь хөлбөмбөгт нугасгүй байж. Сургуулийн хөлбөмбөгийн шигшээ баг бараг л эдний ангийн хөвгүүдээс бүрддэг байжээ. Сургуулиар тогтохгүй 1982 оны идэрчүүдийн шигшээд голлосон гэхээр мундаг хөлбөмбөгчин хөвгүүдтэй анги байсан нь илэрхий. Арвын “г”-гийн хөвгүүд өнөө л нийтэч зангаараа дөрөвдүгээр ангийнхнаа бэлджээ. Өнөө хүүхдүүдээс нь лигийн дасгалжуулагч, улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа хүмүүс ч бий гэнэ.

Хөвгүүдийн хөлбөмбөгт дурласан түүх их сонин юм. 1982 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Герман, Бразилийн баг өрсөлдөж байсныг хараад л энэ спортод хорхойсчихсон гэж байгаа. Ангидаа Бразил, Германы баг болж хуваагдаад тоглож эхэлжээ. Сургуулийнхаа модон стадион дотор өнөө Бразил, Германы “мундаг” багууд өглөө хар үүрээр ирээд цаг хэртэй тоглочихдог байж. Дараа нь хагас цаг хичээлээ уншчихаад хичээлдээ ордог байжээ. Тэрнийхээ хүчээр хөвгүүдийн сурлага сайжирсан гэнэ. А.Лхагвадорж тэр үеэ “Одооны хүүхдүүдийн тоглодог шиг бөмбөг байгаагүй. Хаймар үлээж арьсаар боож үдээсээр үдчихсэн бөмбөгтэй. Бас Чехийн гала гээд хаймеран бөмбөгтэй байсан юм. Үдээстэй хэсэг нь нүцгэн биен дээр цохих үед их өвдөнө. Аравдугаар ангиа төгсөх жил 100 төгрөг гээд анхны одтой бөмбөг нийтийн худалдаанд гарсан юм. Тухайн үед тэр бөмбөгөөр тамирчид л тоглоно. Бидэн шиг нусан буу нарт юу гэж олдох вэ дээ. Манай ангийн хөвгүүд тав таван төгрөг гаргаж, үлдсэн 10 төгрөгийг нь охид өгч байж одтой бөмбөг авч байлаа” гэж дурслаа.

Б.Гантөмөр “Алтанбаганын аав хэвлэх үйлдвэрт байсан юм. Ааваас нь угаахад арилдаггүй будаг авч майкан дээрээ яг хөлбөмбөгчдийнх шиг дугаар тавина аа. Тэр үед Оросын сэтгүүл дээр Америкийн NBA-ийн ганц нэг зураг гарч байсан юм. Дуурайж байгаа нь тэр. Номерийг нь сүүдэртүүлээд будна даа, харин ч нэг. Бусад ангийнханд тийм будаг олдохгүй. Хамгийн гоё хувцастай нь бид” гэж хэлээд хөгжилтэй инээв. Хөлбөмбөгийн өмсгөл хувцасны яриа дуусахгүй шинжтэй.

Цогбаяр “Тэр үед бас кет байхгүй. Вьетнам кет гээд хөл нүцгэн байгаагаас ялгаагүй нэг юм өмсөнө. Тэгж байтал шанхай кет гараад ирдэг юм. Их дэлгүүр дээр анх удаа албан ёсоор шанхай кет зарна гэж дуулдлаа. Өглөө долоон цагт Их дэлгүүрийн гадаа очоод зогслоо доо. Зөндөө хүн байна. 09:00 цагт дэлгүүрийн тор дээшээ онгойнгуут хар эрчээрээ гүйлдээд орчихлоо. Дөрвөн давхраасаа нэг давхар хүртэл улаан олс татчих­сан, оочир гэж аймаар. Алаан болж байгаа юм. Баахан оочирлож дөр­вөн давхар хүрэхэд жижиг цонхоор 60 төгрөг авав уу, үгүй юу холбоотой кет чулуудчихлаа. Юун тэр размер. Авч явах замдаа л өөрсдөөсөө размераа асууж кетээ авцгааж байгаа юм. Маргааш нь манай баг дан “шанхай”-тай мундаг хүүхдүүд. Нийгэмлэгийн шигшээ шиг л юм харагдаж байгаа юм чинь. Шанхай кетний нэг хэцүү юм нь угаахаар шарлачихна. Тоглолтын өмнө шүдний оогоор будаад ордог байсан” гэж ярив. Спортоор хичээллэх дуртай ангийнхнаас спортоор явсан хүн байхгүй гэнэ. Бүргэдээ нь л хөлбөмбөгийн “Алдар” нийгэмлэгийн тамир­чин байжээ. Б.Гантөмөр “Тэр маань бурханы оронд очсоон” гэж нам дуугаар хэлж байна.

Охид хөлбөмбөгт ямар рольтой байсныг сонирхоход хөвгүүд “Охид маань хамгийн сайн хөгжөөн дэмжигч байсан. Тэмцээнд орохоор багаар нь үнэлдэг. Бид нэг, хоёрдугаар байрт ороход эд маань явахгүй. Сүүлдээ их гэмшсэн. Яагаа ч үгүй хожигдчихоод хоол унд бэлдэж биднийг нэгнийдээ хүлээдэг болсон. Хожигдсон гэмээ цайруулаад төгрөг 20 мөнгөний жижигхэн торт аваад тавьчихна аа бас” гэж нөгөөдүүлээ цаашлуулав.

Эдний ангийнхан сайн багш нараар хичээл заалгаж байснаа байсгээд л дурсах юм. 14 дүгээр сургуулийг үүсгэн байгуулж байсан анхны алтан үеийн багш нараар хичээл заалгаж байж. Л.Доржсүрэн, Б.Баатар, Я.Болд, Г.Болд, Шархүү, Ц.Ичинхорлоо, Х.Бадрах, Т.Даваахүү, Б.Алтангэрэл гээд урсгаж өгөв. Мэдээж хамгийн хайртай багш нь ангийнх нь Х.Дашдулам багш.

Хөлбөмбөгч хөвгүүд баг, багаараа сургуулиа төгсөтлөө байлдаж тоглодог байж. “Дан” гэж амаараа буудаад чи үхсэн шүү гээд дараагийнхаа хүнийг буудахаар явдаг байснаа ярьж баахан инээлдэв. 10 дугаар ангийн хүүхдүүд байж тэгж тоглоод байхдаа яахав дээ гэж зарим нь мушилзана. Ангийн дарга “Манай сургууль дөрвөн давхар байсан. Дээд хоёр давхарт нэг баг нь гарчихна. Доод хоёр давхраа нөгөө баг нь авчихна. Дөрвөн давхраа эзэлтэл эсвэл подволоо эзэлтэл байлдана. Нуугдаж байгаад нэгийгээ хараад “Дан” чи үхсэн шүү гэхээр тэр нь тоглоомоос хасагдах дүрмээр тоглодог байлаа” гэж сонирхуулав.

Эдний ангийнхан урлагт ч муугүй байж. Цогбаяр “Урлагийн үзлэгийн үеэр манай ангийн хөвгүүд найрал дуу дуулсан юм. “Ну погоди”-гоос санаа авсан байх. Бүгдээрээ хажуу тийшээ жишүүлдэж зогсч байгаад гараа хөдөлгөж дууллаа. Хөвгүүдийн хоороос гадна Бүргэдбаатар, Энхбаяр хоёр гитартай дуулж, үндсэндээ хоёр номер бэлдсэн юм. Тэгсэн чинь бидний тэр номер Монголын радиогоор явдаг болсон. Тэр үеийнхээр бол од болж байлаа шүү дээ. Их л сайн номер болсон юм” гэж ярилаа. Тэгсэн Б.Гантөмөрийн сэтгэл нь хөдөлсөн бололтой, босч ирээд “Яг ингэж дуулдаг байсан юм” гээд “Хаврын нуур шиг дөлгөөн нүдтэй орос нөхөр минь, хайрт эцгийн минь адил уужим санаат анд найз минь” гээд дуулж гарлаа. Тэр дуугаар сургуулийн хөвгүүдийн шилдэг хоор дуугаар шалгарч байжээ. “Талийгаач Бүргэдэй маань гитар сайн тоглодог байсан. 10 жил төгсөхдөө бид өөрсдийн дуутай төгсөж байлаа. Талийгаач аяыг нь хийсэн юм. Яруу найрагч Эрдэнэцогт буюу Самка үгийг нь бичсэн” гэж ангийн дарга ярилаа.

Тэд хичээл болгоныг хөгжилтэйгөөр өнгөрүүлдэг байжээ. Шинэ кино, ном гарсны дараа ангиараа ярилцдаг байсан гэнэ. Б.Гантөмөр, Самка хоёр утга зохиолын дугуйланд явдаг байж. Ер нь эдний ангийнхан ном их уншдаг байсан аж. “Говийн зэрэглээ” киноны талаар хэрэг болгож маргаан өрнүүлж байснаа дурсав. Лхагвадорж “Нэг хэсэг нь Номинг доош нь хийж захирлаар Арслан шиг хүн ирсэн ч суух байсан, нөгөө тал нь захирал Номин хоёрын харилцааг гэгээн хайр гэж маргаад хөгжилтэй байжээ. Энэ маргаанаас болж бараг зодолдоод тарж байсан шүү” гэхэд ангиа төлөөлж цугласан хэд бөөн инээдэм болов.

Эдний ангиас Лхагвадорж Эрхтуяа, Оюун-Эрдэнэ Түмэнжаргал гэх хоёр хос төржээ. Тэд сургуулиа төгсөөд 33 жил болж байгаа ч одоо болтол байнгын холбоотой байдаг гэнэ. Тав хоноод л уулздаг дотно харилцаатай юм байна. Энэ жил сургуулиа төгсөөд 33 жил болж байгаа аж. Тиймээс гадаадад байгаа ангийнхаа хүүхдүүдийг уулзалтдаа ирээрэй гэж урьж байгаагаа манай сониноор дамжуулсан юм.

Тэд өөрсдийгөө “Манай ангийнхан дунд эрдэмтэн мэргэд, Улсын их хурлын гишүүн, компанийн захирал байхгүй ч нэг байгууллагад насаараа ажиллаж байгаа нийгмийн идэвхтэй хүмүүс бий шүү” гэж даруухнаар үнэлсэн. Ирээдүйд хийх ажлаа төгсөх ангид байхдаа л шийдэцгээсэн “хашир” сурагчид юм байна. Гаалийн ерөнхий газарт Цогтбаатар, Энхбаяр, Г.Оюунчимэг нар ажилладаг. Б.Гантөмөр Монголын шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат кино бүтээгчдийн нийгэмлэгийн найруулагч. А.Лхагвадорж Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн дарга. Гэрэлтүүлэг чимэглэлийн үйлдвэрт насаараа ажиллаж байгаа В.Оюунгэрэл, төв шуудан холбоонд ажиллаж байгаа Түмэнжаргал гээд салбар бүртээ л сайн ажиллаж байгаа гэнэ. Наранчимэг гэхэд л “Улаанбаатар” ресторонд 1982 оноос хойш тогооч хийж байгаа аж. Л.Эрдэнэцогт яруу найрагч бөгөөд зарим нь тэтгэвэртээ гарчихсан байгаа ажээ.

Ангийн дарга А.Лхагвадорж “Батсүх Белгид Элчин сайдын яаманд ажиллаж байгаа, Ганболд Германд, Өнөр Америкт, Солонгост Эрдэнэцогт бий. Гадаадад байгаа нөхөд минь хурдан ирээч ээ гэж анги хамт олон чинь хүсч байна” хэмээн ярив. Нэг ангийнхан гэдэг дарга цэрэг гэлгүй насаараа л найзууд байх нь сайхан юм гэцгээж байлаа. Тэгж ярьж байх зуур Гантөмөр талийгаач болсон найз “Бүргэдбаатар, Энхбаяр, Болдбаатар, Цогтбаатар” нартаа гүнээ эмгэнэл илэрхийлье хэмээн хэсэг чимээгүй суусан юм.

Энэ ангийн хамгийн хөгжилтэй хүү болох Цогбаяр төгсөлтийн баярын талаар яриа эхлүүлэв. Тэрээр “Биднийг төгсдөг жил нэг их хонхны баяр тэмдэглүүлэхгүй гэж хорьсон юм. Нэгэнт л уламжлал юм чинь ангиараа хуйвалдаж байгаад тэмдэглэсэн. Тэр үед 25 төгрөгөөр нийлсэн юм. Туулын ах 30 дугаар баазад ажилладаг байсан учраас нэг паз автобус аваад явж байлаа” гэж ярив. Ангийн дарга нь “Манай ангийнхан монтажны зураг муухай гарсан гээд эсэргүүцэл илэрхийлээд бүгдийг нь устгачихсан юм. Тэгээд түүнийгээ нөхөж Ленин багшийн хөшөөний өмнө ангиараа зургаа авахуулж байсан. Түүний дараа Зөвлөлтийн дайчдын хөшөө буюу Зайсан толгой дээр гарчихаад ангийнхаа Энхтуяагийнд очсон. Тухайн үед аав, ээж нь эзгүй байсан юм. Манай нийллэг сэтгэлээс гарахгүй сайхан болж байсан” гэх зуур Гантөмөр “Нийллэгтээ Алтантуяагийн танилуудаар “Москва” ресторанд арын хаалгаар ширээний тал шиг том баярын мэнд хүргэе гээд биччихсэн шоколадан торт хийлгэсэн. Гоё гэж жигтэйхэн. Тэр үед торт байхгүй “Хотол” бялуу гээд хааш хаашаа 20х20 харьцаатай бялуу байсан юм чинь. Би тэрийг нь “Москва” ресторанаас аваад л автобусанд суугаад ангийнхан дээрээ очиж байсан юм. Хүмүүс автобусанд суусан чинь ханарч хараад л хажуунаас өргөөд суудал тавьж өгч байсан” гэж ярив. Цогбаяр “Хамгийн сонин нь 40-50 авдар шилтэй ундаа авчихсан. Тэрийгээ нийллэг дууссан ч ууж дуусахгүй маргааш нь харих замдаа шилийг нь тушаах гээд автобусандаа ууж байсан” гэж сонирхуулав. Эрдэнэцогт “Нийллэгийн дараа ангийн багшид байцаагдаад ангиараа зохион байгуулалттайгаар хэргээ хүлээхгүй гүрийчихсэн. Уг нь биднийг автобусанд явж байхыг ангийн багш харчихсан юм. Автобусанд явж байхад нэг нь багш гэж орилоод бүгд пэр хийж доошоо нуугдаж байсан даа” гэв.

Ангийн дарга нь “Саяхан Алтанбагана маань чихрийн шижинтэй болчихсон гээд үхэхээ хүлээгээд шийдчихсэн хэвтэж байсан. Тухайн үед манай найз мөнгө муутай байсан юм билээ. Бид очоод эм тариаг нь аваад өгье, группт оруулаад өгье, нийгмийн даатгалыг чинь хөөцөлдье гэж ятгалаа. Сүүлдээ “За чамд одоо хоёр сонголт байна нэг нь бидний үгэнд ороод арай илүү удаан амьдрах, нөгөө нь чи өөрийнхөө сонголтоор хурдан үхэх. Алийг нь ч сонгосон бид чамайг оршуулчихна” гэсэн чинь нөгөөх маань инээсэн. Очоод сэтгэл санаагаар өргөөд ярилцаж байгаад бидний үгэнд орсон шүү. Саяхан ярьсан чинь гагнуур хийгээд хэдэн төгрөг олчихоод ангийнхаа айл болгонд цайны цацлын хусуур хийж өгнө гэж байсан. Сэтгэлээрээ сайхан санагдаж байгаа. Нэг анги гэдэг одоо ч нэгнээ түшихдээ чухал шүү дээ” гэж ярьсан юм.

С.Ариунжаргал

Н.Номин

Categories
мэдээ соёл-урлаг

Ж.Алтаншагай: “Миний ах атаман” кино анхны гол дүр учраас надад чухал байсан

“Fantastic” продакшны жүжигчин МУСТА Ж.Алтаншагайтай ярилцлаа.

-Та аль нутгийн хүүхэд вэ. Бага нас хаана өнгөрөв?

-Хэнтий аймгийн Жаргалхаант сумын хүүхэд. Сумандаа нэгдүгээр ангиасаа найм төгстөлөө байсан. Хэнтий аймаг аавын маань нутаг л даа. Аймгийнхаа төв дээр арван жилээ төгсөөд СУИС-ийн жүжигчний ангийг 2008 онд МУСГЗ С.Сугар багшийн удирдлаганд төгссөн.

-Аав, ээжийнхээ талаар яриач?

-Манай ээжийг Энхчимэг гэдэг. Одоо Хэнтий аймагт багшилдаг. Манай аавыг Жаргалсайхан гэдэг. Аав маань шүүх, төр засгийн байгууллагад насаараа ажилласан хүн.

-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон юм бэ. Багадаа их идэвхтэй хүүхэд байв уу?

-Хүүхэд байхаасаа их сонирхолтой байсан. Урлагт их дуртай, уран уншлага уншдаг байлаа. “Би хэрвээ цагдаа болсон бол сайн ч байсан, муу ч байсан тэр байгууллагадаа насаараа ажиллах байсан. Эмч болсон ч адилхан. Жүжигчин хүн бол эмч ч болдог, цагдаа ч болно. Магадгүй алуурчин, зарим үед аврагч болдог. Бүх л төрлийн мэргэжлийг жүжигчин хүн гаргадаг шүү дээ” гэсэн бодол төрж байсан юм. Тэгээд л жүжигчин болох гараагаа эхлүүлж байсан даа.

-Сургуулиа төгсөөд ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?

-Ер нь би аливаа нэгэн тогтсон газар ажиллаж үзээгүй. Сургуулиа төгсчихөөд ганцаараа хурим, арга хэмжээ зохион байгуулдаг байсан. Би дотроо хамт ажилладаг сэтгэл нийлсэн ажлын хамт олон, багтай болох юмсан гэж боддог байсан юм. Сүүлд Тамираа, Баяраа, Батсайхан бид дөрөв уулзаад ярилцаж суугаад тэр гуравтайгаа сэтгэл санаа нийлж анх “Fantastic” продакшныг үүсгэн байгуулсан.

-“Fantastic” продакшны анхны уран бүтээл юу байв?

-Анхны уран бүтээл бол “Дурсамж төгсгөл үгүй” гэж Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойд зориулсан уран сайхны кино байсан. Түүнээс хойш “Аз жаргалын шок” “Амингоо”, “Миний ах атаман”, “Хар сувдны нууц” зэрэг кино хийсэн байна.

-Та хэдэн кинонд тоглоод байгаа вэ. Аль дүрээ илүү гэж онцлох вэ?

-Олон кинонд тоглоогүй ээ. Гэхдээ киноны туслах дүрүүдэд зөндөө л тоглож байсан. Онцлох кино гэвэл “Миний ах атаман”. Их золиос гаргасан шүү. Кино зураг авалтад орох гэж 16 кг жин хаясан. Орлон тоглогчгүй хүнд зураг авалтад орж бэртэх үе байсан. Маш их ачаалал өгч ажилласан учраас тэр дүрдээ их хайртай. Мөн том багтай ажилласан.

-Голдуу ямар дүрд сонгогдож байна?

-Янз янз. Б.Тамирын аав МУСТА О.Бат-Өлзий ахын хийсэн “Маш нууц кино” удахгүй нээлтээ хийх гэж байна. Энэ кинонд би эсрэг дүрд тоглосон. Хүмүүс намайг дандаа л эерэг дүрд тоглодог гэж боддог юм шиг байна лээ. Бас өөр дүрд хувиралгүй яахав.

-“Миний ах атаман” киноны онцлог юу вэ?

-Энэ бол монгол кино. Монгол хүний оюун ухаан, хөлс хүчээр бүтсэн кино. “Миний ах атаман” гаднаас нь харахад нэг л костьюм пиджак өмсчихсөн. Гадаадын мундаг машин унасан залуус байсан байх. Гэхдээ энэ дотор маш их монгол санаа явж байгаа. Наад зах нь хоорондооо уулзаад хөөрөглөдөг. Мэндлэхдээ “Сайн байна уу, сайхан зусч байна уу” гэх жишээтэй. Энэ бол Монголын бүтээл.

-“Миний ах атаман” кино Улаан-Үдэд гарсан шүү дээ. Хүмүүс яаж хүлээж авсан бэ?

-Ерөнхийдөө бид гадагшаагаа уран бүтээлээ хийж эхэлж гэж байгаа. Улаан-Үдэд очоод киногоо нээх гэж байхад эхлээд монгол кино гэсэн гайхаад байсан. Кино үзсэний дараа бидэнд баяр хүргэсэн. Улаан-Үдэд 1980-аад онд л монгол кино гарч байсан юм билээ. Тэрнээс хойш гарч байгаа кино “Миний ах атаман” болж байгаа юм билээ. Тэд сайхан хүлээж авсан шүү.

-Таны стилийг костьюм гэж хэлж болох уу. Байнга л хослол өмссөн байгаа харагддаг?

-Ер нь өмсөх дуртай. Гэхдээ костьюм өмсөхөд шалгууртай байх ёстой. Наад зах нь гутал нь тоосгүй байх, цамцны зах хиргүй байх, зангианы зангилаанууд янз янзын төрлүүд байна гээд шалгууртай. Энэ нь ёслолын зориулалттай цэвэрхэн хувцас болохоос биш зүгээр хэн дуртай нь углаад явдаг зүйл биш. Костьюм өмсөхөд хүний царай хамаагүй, стандартын дагуу цэвэр байхад л оршино доо.

-Та хэдэн костьюм пиджактай вэ?

-17, 18 бий.

-Жүжигчин хүний хувьд тоглохыг хүсдэг дүр бий юу?

-“Ромео Жульетта” жүжгийн Меркуциогийн дүрд ажиллаж үзэхийг хүсдэг. Хамгийн сайн найзын дүр шүү дээ. Хэзээ нэгэн цагт энэ дүрд тоглож үзэх юмсан гэж мөрөөддөг.

-Тэгэхээр таны хувьд нөхөрлөл чухал байдаг гэж ойлгож болох уу?

-Нөхөрлөл хамгийн үнэ цэнтэй зүйл. “Эр хүн хөдлөхөд хад чулуу хагардаг” гэдэг айхтар үг байдаг шүү дээ. Шулуухан хэлэхэд “Муу хамаатнаас сайн найз дээр” гэдэг үг бий. Надад ямар нэг юм тулгарахад хамгийн түрүүнд найз руугаа л ярьдаг.

-Ж.Алтаншагай гэдэг хүний баримталдаг зарчим юу вэ?

-Цаг сайн барьдаг. Би нэг цагаан цамцыг нэг л өдөр өмсдөг. Энэ нь хаядаг гэсэн үг биш л дээ. Нэг угаагаад дахиад угаагаад өмсдөг. Хөдөө, гадаа явахдаа заавал нэг ээлжийн хувцас авдаг. Манай найзууд намайг гайхаад байдаг юм. Чи ямар сонин юм бэ. Ямар эрсдлээс айгаад байдаг юм гэдэг. Би хөдөө явахдаа гар чийдэн, зүү утас, эмнэлгийн тусламжийн зүйлс аваад явдаг. Өөрийгөө юунд бэлдээд байгаагаа мэдэхгүй ч эрсдлээс сэргийлэх дуртай. Эрсдэл байх ёсгүй гэж үздэг.

-Жүжигчин хүнд сайхан үйл явдал зөндөө л болдог байх. Санаанаас гардаггүй сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-“Миний ах атаман” киноны нээлт. Би амьдралдаа тэгж шоконд орж үзээгүй. Эргээд санахад өнгөрсөн жилийн есдүгээр сарын 12-ны өдөр байдаг. Би тэр өдөр ээж, аавыгаа МУСТА цол хүртэж баярлуулсан. Нээлтэд маань аавын бие тааруу ээж маань ирсэн. Манай аав тэр үед “Миний хүү аавынхаа хүслийг биелүүллээ дээ” гэсэн. Аав, ээжийгээ баярлуулсан маань миний хувьд хамгийн том баяр баясал байсан. Найруулагч болон найз нартайгаа зэрэгцээд киногоо үзсэний дараа хүмүүс “Баяр хүргэе, сайхан кино болсон байна” гэж хэлэх бахархам байсан. Түүнээс биш тэр кинонд би хүн зоддог бол сонин биш шүү дээ. Миний хамгийн анхны гол дүрд тоглосон уран бүтээл байсан гээд их олон үйл явдал давхацсан өдөр болсон юм л даа. Тэр өдрийг би хэзээ ч мартахгүй байх.

-Та гэр бүлээ танилцуул л даа?

-Гурван охинтой. Гэр бүлийн хүнийг маань Хулан гэдэг. Бүтэн арван жилийн турш миний арыг дааж явна даа.

-Сүүлийн үед та ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Бид оны дараа шинэ уран бүтээлд орно. Одооноос биеэ бэлдэнэ дээ. Миний хувьд хамгийн гол нь уран бүтээлээ чанаржуулах. Дэлхийн тавцанд гарахуйц уран бүтээл хийх хэрэгтэй шүү дээ. Алтан үеийнхний бидэнд өвлүүлээд үлдээсэн энэ кино урлагийг бид өвлүүлэн түүчээлэх ёстой. Тэгэхдээ бид муу юм хийж болохгүй. Маш сайн кино хийх ёстой. Үүний тулд сайн бэлтгэл хэрэгтэй байна.

С.Ариунжаргал

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Шинэбаяр: Би “Аав” киноны дүр шигээ амьдралын төлөө зүтгэдэг, зөөлөн талдаа хүн

УДЭТ-ын
залуу жүжигчин Б.Шинэбаяртай ярилцлаа.

-Хэдэн онд
сургуулиа төгссөн бэ?

-Би 2013 онд Соёл
урлагийн их сургуулийг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Л.Дэмидбаатар
багшийн удирдлаган доор суралцаж төгссөн. Одоо ингээд бодож байхад
Л.Дэмидбаатар багш маань намайг дөрвөн жилийн хугацаанд театрын урлагт бэлтгэж
байжээ.

-Гэр бүлд чинь
урлагийн хүн бий юу. Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ?

-Гэр бүлд маань
ерөөсөө урлагийн хүн байгаагүй. Би л ганцаараа урлагийн хүн болчихоод байна.
Зурагтаар жүжигчдийг хараад “Ер нь л жүжигчин болъё” гэж боддог
байсан. Тэгэхээр энэ мэргэжлийг багаасаа хүсэж мөрөөдсөн гэсэн үг. Багаасаа
урлаг спортын арга хэмжээнд идэвхтэй оролцдог хүүхэд байлаа.

-Та хэдэн
кинонд тоглосон бэ?

-Одоог хүртэл
гэвэл “Хязгааргүй”, “19”, “Учрал”, “Аав” зэрэг таван кинонд тоглосон байна.

-“Учрал”
кинонд сагсуу залуугийн дүрд тоглосон, харин “Аав”киноны чинь дүр түүнээс
эсрэг. Амьдралд чинь аль дүр нь илүү ойрхон байсан бэ?

– Энэ хоёр киноны
аль аль нь миний амьдралтай ойр шүү. “Аав” кинон дээр гардаг шиг амьдралын
төлөө зүтгэдэг, зөөлөн талдаа хүн.

-Та амьдрал
дээрээ хэр тайван хүн бэ?

-Нэлээн тайван
талдаа.

-Таны хувьд
үлгэр дуурайл авдаг жүжигчин бий юу?

-Үлгэр дуурайл
авдаг жүжигчин байлгүй яахав. Л.Дэмидбаатар багшаасаа, Ц.Цэрэнболд,
Г.Эрдэнэбилэг ах нараасаа үлгэр дуурайл авна. Ер нь бол ахмад уран
бүтээлчдээсээ үлгэрлэл авна шүү дээ.
Ялангуяа урлагийн бид нар чинь гудамжаар явж байхдаа хүртэл ёс зүйтэй
байх хэрэгтэй байдаг учраас суралцах зүйл их байдаг.

-“Аав” кинонд
яаж сонгогдож байв?

-Ц.Цэрэнболд ах,
зохиолч Энхдалай ахтай манай өрөөнд ороод юм ярьчихсан сууж байсан юм. Тэр үед
нь би өрөөндөө хальт ороод “Сайн байна уу?” гээд мэндэлчихээд гарсан тэгэхэд яг
Цэрэнболд ах “энэ хүүхэд шүү дээ” гээд л
юм ярьж байсан юм. Дараа нь уулзсан чинь найруулагч Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд
нар “Аав” гээд кино хийх гэж байгаа. Ц.Цэрэнболд ахын залуу насны дүрд чамайг
харж байгаа гэсэн. Тэгээд л тоглохоор болоод орж байлаа.

-Драмын театрт
бүтээсэн дүрийнхээ талаар яриач?

-Одоохондоо
драмын театрт энэ тэр гээд хэлчих дүр байхгүй байна. Жүжгийн туслах дүрүүдэд
тоглоод явж байгаа.

-Драм болон
дэлгэцийн уран бүтээл хоорондоо ямар ялгаатай гэж боддог вэ?

-Дэлгэцийн
урлагийг би нөхөх, урлах урлаг буюу монтажны урлаг гэж ойлгодог. Драм бол цэвэр
амьд урлаг шүү дээ. Драмын театр дээр бэлтгэл сургуулилт хийх явцдаа өөрчилж
болохоос биш тайзан дээр өөрчлөх боломжгүй. Нөгөө талаас харах юм бол дэлгэцийн
урлагт ч гэсэн адилхан тал бий. Жишээлбэл, дүр дээрээ хамтрагчтайгаа харилцаад
тоглож байхад найруулагч авлаа гээд дуусгахад сэтгэлд хүрэхгүй үе байдаг. Дараа
нь киногоо үзэж суухдаа энэ дээр нь ингэдэг байж, жаахан өөрчилчихсөн бол гэсэн
бодол төрдөг юм.

-Драмд ажиллах
хэцүү юу. Шалгуур өндөр гэдэг шүү дээ?

-Ер нь бол босго
өндөртэй. Тухайн хүн өөрөө асар их хичээж, их хөдөлмөрлөж байж оршин тогтноно.
Тийм учраас маш их хөдөлмөр, хичээл зүтгэл, сэтгэл хэрэгтэй.

-Та найз
охинтой юу?

-Байхгүй.

-Амьдрал дээр
“Аав” кино шиг гэнэт эцэг болбол яах вэ?

-Хайрлана. Аминаас
минь унасан амь юм чинь түүнийхээ төлөө бүх зүйлээ зориулна даа.

-Хүнд үзээд
уйддаггүй кино гэж байдаг шүү дээ. Танд тийм кино байдаг уу?

-Хамгийн
дурсамжтай кино гэвэл миний хувьд “The Notebook” байдаг юм. Тэгээд “Бригад”
олон ангит кино байна. Хэд ч үзсэн уйддаггүй кино шүү.

-Таныг
найруулагчид голцуу ямар дүрд сонгодог вэ?

-Янз янз. Яг ийм
тийм дүр гэж онцлох зүйл байхгүй юм байна.

-Анхны уран
бүтээлийнхээ талаар яриач?

-Анхны дэлгэцийн
уран бүтээл гэх юм бол 2012 онд хийгдэж байсан “19” кино. И.Нямгаваа, Баатар,
Балжинням гээд Монголын гурван том найруулагч “19” киног 30, 30 минутаар гурван
хэсэг хувааж найруулж байсан юм. Энэ киноны хамгийн сүүлийн хэсгийг найруулсан
И.Нямгаваа найруулагчийн найруулсан хэсэгт тоглож байсан. Тэр үед ерөнхий
найруулагч нь Нямгаваа гуай байсан юм. Нэгдүгээр найруулагчаар нь Сэнгэдорж ах
ажилласан. Тухайн үед энэ кинонд тоглож байхдаа би Сэнгэдорж найруулагчаас их
юм сурсан. Миний хамгийн анхны уран бүтээл байсан болохоор их дурсамжтай
санагддаг. Бас хайрладаг юм.

-Чөлөөт
цагаараа юу хийж өнгөрөөдөг вэ?

-Чөлөөт цагаараа
өөртөө хэрэгтэй зүйлийг хийх дуртай. Жүжигчин хүн үзэгчдээсээ, нийгмээсээ нэг
алхам түрүүлж алхах ёстой гэдэг утгаараа чөлөөт цаг гарвал аль болох өөрийгөө
хөглөж, хөгжүүлэхийг боддог. Жишээлбэл
одоо англи хэл сурч байна. Мэдээж цаашаа хөгжүүлэх зүйл их байна.

-Залуу хүний
хувьд амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

-Залуу хүн завгүй
байхдаа сайхан. Хэтэрхий задгай, чөлөөтэй байдал руу ороод ирэхээр хүн лазантаж
эхэлдэг. Тийм болохоор завгүй байх тусам ямар ч зүйлийг ар араасаа гарч ирсэн ч
хийж амжуулаад байдаг. Зав чөлөөтэй байх цагт хоёр ажил давхцахад за тэгж
байгаад хийчихнэ гээд хойшлуулдаг. Тэрний оронд өнөөдөртөө хийх ажлыг өдөрт нь
хийх хэрэгтэй.

Залуу хүн эрч
хүчтэй, сэргэлэн цовоо, бүтээлч хөдөлмөрч ер нь завгүй байх хэрэгтэй гэж
боддог. Ийм байвал илүү их амжилтад хүрдэг болов уу.

-Киноны санал
их ирж байна уу?

-Ирж байгаа.
Зарим нэг кинонд нь зөвшөөрсөн байгаа. Бас хэдэд нь татгалзчихсан.

-Хайрын тухай
кинонд тогловол эмэгтэй хамтрагчаар хэнийг сонгомоор байна. Ийм сэдэвтэй кинонд
тоглох уу?

-Яг хэнийг гэхээ
үнэхээр сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ залуучуудад хайрыг харуулсан үнэ
цэнтэй кинонд тоглохыг хүсч байгаа.

С.Ариунжаргал

М.Мишээл

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Ариунболд: Тариалан эрхлэх хууль, эрхзүйн орчин таатай байгаа

Хүнс, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдтой ярилцлаа.

-Өнөөдөр “Монголын газар тариалангийн холбоо”-ноос энэ жилийн ургацын 70 хувийг алдсан гэж мэдээллээ. Яамнаас хийсэн судалгаа байна уу?

-Жил жилийн ургацын баланс наймдугаар сарын дундуур гардаг. Энэ жилийн ургацын баланс энэ долоо хоногийн сүүлээр гарна. 70 хувь гэдэг судалгаанд үндэслээгүй мэдээлэл байна.

-Ерөнхийдөө 70 хувь гэдэг нь бодит байдалтай нийцэх үү. Яг энэ 70 хувь гэсэн тооцоолол хүмүүсийг их бухимдуулж байгаа шүү дээ?

-Энэ нь баланс гарсны дараа тодорхой болно. Ямар ч байсан урьдчилсан байдлаар үзэхэд 70 хувь алдахгүй гэдэг нь тодорхой болсон. Энэ нь зүгээр л зохиомол хомсдлыг бий болгох, бүтээгдэхүүний үнэ өсгөх бодлого явж байгаа байх гэж харж байна.

-Тариаланчид төрийн зүгээс зээлийг хойшлуулах арга хэмжээ авах, бензин, түлшин дээр хөнгөлөлт өгөх зэрэг арга хэмжээ авахыг шаардаж байна. Энэ нь хэр боломжтой юм бол?

-Зөвхөн энэ жилийн тухайд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хаврын тариалалтад зориулан ургамал хамгаал­лын бодис, бордоо, үрийн будаа, шатахууны зээлийн дэмжлэгт зориулан 13.8 тэрбум төгрөгийн хүүгүй зээл, техник тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээлд 7.4 тэрбум төгрөгийг олгосон. Түүнчлэн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 12 сая ам.долларын техник тоног төхөөрөмжийг тариалан эрхлэгчдэд олгож эхлээд байна. Хамгийн гол нь энэхүү зээлийн эргэн төлөлт нь чанарын шаардлага хангасан буудай байх юм. Энэхүү нөхцөлд тариаланчид маань сэтгэл хангалуун байгаа. Тиймээс гэрээний хүрээнд уг асуудлыг шийдвэрлэх боломжтой.

-Газар тариалангийн холбооноос зургадугаар сараас эхлээд ган болж болзошгүй гэдгийг анхааруулсаар байтал яамнаас дорвитой арга хэмжээ аваагүй гэж ярьж байна. Өнгөрсөн зуны хувьд яамнаас ямар ажил хийсэн бэ. Зунжингаа байхгүй байж байгаад мянган сум оруулж ирээд бороо оруулсан гэж яриад байгаа юм?

– Үүлэнд зориудаар нөлөөлөх аргаар хур тунадас оруулах арга хэмжээг Байгаль орчны яамны харьяа Ус, цаг, уур орчны шинжилгээний газар хариуцдаг. Өөрөөр хэлбэл байгаль орчны мэргэжлийн байгууллага энэ ажлыг гүйцэтгэдэг. Тус байгууллага нь энэ хавар, зун өөрийн нөөц бололцоогоо дайчилж ажилласан. Харин хур тунадас ихээр орох үүл төдийлөн хуримтлагдахгүй байсны улмаас хур тунадас тариалангийн бүс нутгаар харилцан адилгүй орсон. Дээр хэлсэнчлэн энэ асуудал өөр яамны харьяаллын асуудал боловч үүлэнд зориудаар нөлөөлдөг сумны нөөц зургадугаар сарын дундуур дууссан тул Хүнс, хөдөө аж ахуйн яамны зүгээс хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэн нэмж мянган сум авахаар болсон.

-Яамны бодлогоор тариалангаа нэмэгдүүлсэн гэж яриад байгаа?

-Энэ жил улсын хэмжээнд улаанбуудай 359.7 мянган га-д тариалалт хийсэн. Өнгөрсөн жил 300 мянга орчим га-д тариалалт хийсэн. Яагаад ингэж тариалалт нэмэгдсэн бэ гэхээр энэ нь нэг талаас сайн талтай. Учир нь тариаланчдын маань техник, санхүүгийн чадамж сайжирсан. Нөгөө талаас тариалан эрхлэх хууль эрхзүйн орчин таатай байгаа нь газар тариалангийн бизнест шинэ аж ахуйн нэгжүүд орж байгаатай холбоотой.

-Тариалангийн үнийг төрөөс бариад байна. Бидний зах зээлийг чөлөөл, урамшууллаа больё гэх яриа гарч байгаа. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Бид 1990-ээд оноос чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн. Тариалангийн бүтээгдэхүүний үнийг төрөөс хатуу барих эрхзүйн орчин байхгүй. Тариалан эрхлэгч маань тариалсан бүтээгдэхүүнээ хэдээр хэрхэн борлуулах өөрсдийнх нь асуудал байдаг. Харин урамшуулалд хамрагдах эсэхээ тариаланч маань өөрөө шийдвэрлэх эрхтэй.

-Импортоор буудай оруулж ирдэг гэж ярьж байна. Импортын буудайны талаар яриач?

-Хүнс, хөдөө аж ахуйн яамны хамгийн чухал чиг үүрэг бол хүн амын хүнсний хэрэгцээг тогтмол, аюулгүй, зохиомол хомсдол бий болгохгүй, үнийн зохиомол өсөлтгүйгээр хангах чиг үүрэгтэйгээр ажилладаг. Хэрэв тухайн жилийн хэрэгцээт хэмжээнд ургац авахгүй бол импортын буудай оруулж ирэх шаардлага үүснэ. Гэхдээ бид эхлээд тариаланчдын хураасан ургацыг гурилын үйлдвэрүүд худалдаж авч дууссаны дараа уг асуудлыг шийдвэрлэдэг.

О.Амаржаргал: Улаан буудайн импорт ярих нь дөнгөж босч буй энэ салбарыг унагахад хүрнэ

“Монголын үр тариалан эрхлэгчдийн газар тариалан холбоо”-ноос өчигдөр тариаланчдын дунд үүссэн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тус хуралд “Монголын үр тариалан эрхлэгчдийн газар тариалан холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн У.Дамбийсүрэн, О.Амаржаргал болон албаны хүмүүс оролцсон юм.

Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн У.Дамбийсүрэн “Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас гаргаад байгаа мэдэгдэл бол үндэслэл муутай зүйл болсон. Яагаад гэвэл Хүнс, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга нь “30 хувийн ургац алдаж 70 хувийн ургац авна гэж ярьсан. Мөн маргааш нь Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд нь 40 хувийн ургац авч 60 хувийг алдана гэсэн бол нийт тариаланчид 70-80 хувийн алдагдал хүлээнэ гэсэн олон тооны зөрүү яваад байгаа юм” гэсэн бол тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн О.Амаржаргал “Өнгөрсөн жил бид 290 мянган га-д улаан буудай тариалж, 489 мянган тонныг хурааж авсан. Энэ жил Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас 300 мянган га-д улаан буудай тарина гэж төлөвлөснөөс 359 мянган га-д тариалсан. Өнгөрсөн жилийн гүйцэтгэлээр 600 мянган тонн улаан буудай хурааж авах боломжтой байсан гэсэн үг. Одоо хамгийн ихдээ 200 мянган тонн улаан буудай хурааж авах боломжтой байгаа. Яагаад гэвэл энэ жил гантай байсан. Зарим аймаг, сумд олон жилийн дунджаас 99 хувиар бага хур тунадас орсон гэж Ус, цаг уурын хүрээлэнгээс мэдээ өгсөн. Бид 600 мянган тонн улаанбуудай авах байснаас 200 мянган тонныг авлаа гэхэд хамгийн багадаа 70 хувиа алдсан байна. Бурмаа сайдад ургац хураалт алдагдалтай байна гэхээр “Бид нар ингэж төлөвлөөгүй, 359 мянган га-д улаан буудай тариад 360 мянган тонныг хурааж авна гэж төлөвлөсөн” гээд хавар ярьж байсан төлөвлөгөөгөө одоо бууруулж яриад байна. Тариаланчид хавар төлөвлөснийхөө дагуу улаан буудайгаа тариад хөрөнгө мөнгөө бүгдийг нь газарт хийчихсэн шүү дээ. Өнөөдөр газар тариалангийн салбарт 1000 гаруй аж ахуйн нэгж, хувь хүмүүс тариалалт эрхэлдэг. Бүгд 150 тэрбум гаруй төгрөгний зардал мөнгийг хавар тариалалтад зарцуулсан байгаа. Үүнийхээ 70 хувийг алдчихаад байна гэдэг гамшиг болж байна. Сайдаа бид нар цаашдаа яах вэ, эрсдэл багатай яаж давж туулах вэ гэж ярихаар “Та нар 70 хувиа алдаагүй, 20-30 хувиа л алдсан, энэ бол асуудал биш” гээд байгааг бид нар гайхаж байгаа. Өнгөрсөн жил үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр гурилын үйлдвэрүүдэд жилийн гурван хувийн хүүтэй зээл олгосон. Эндээс ердөө хоёр, гуравхан компани нийт зээлийнх нь 60-70 хувийг нь авчихсан юм. Энэ асуудал шударга биш байна Бурмаа сайд аа, энийг ямар ч иргэн хардах эрхтэй шүү. Үүнийх нь дагуу асуудлыг нь ярихаар тэр ярьсан хүнийг нь шүүх цагдаад өгчихдөг. Энэ асуудлын улмаас манай холбооны ерөнхийлөгч хэвлэлийн хуралд оролцох боломжгүй болсон. Ямар нэгэн мэдээлэл, яриа өгөх боломжгүй шүүх цагдаагийн хаалга сахиад байж байна. Тийм учраас бид байгаа нөхцөл байдлыг та нарыг үнэн зөвөөр ойлгооч гэсэн үүднээс ийм яриа өглөө” гэв.

Тэрээр “Хавар зургадугаар сараас эхлээд ган болох нь, тариалалтаа алдах гээд байна гэдэг мэдээг яаманд удаа дараа анхааруулсаар байхад ямар нэг арга хэмжээ аваагүй байж одоо үүл бууддаг сум 1000 ширхгийг оруулж ирсэн. Сүүлийн үед бороо татрахгүй байгаа шүү дээ. Одоо оруулсан бороо ургацын хэмжээг бүр багасгана уу гэхээс дахиж нэмэгдүүлэхгүй. Энийг мэргэжлийн биш сайд, огт ойлгохгүй байна. Одоо бид энэ алдагдлаа аль болох эрсдэл багатайгаар яаж даван туулах вэ гэдгээ ярилцъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Бидний зүгээс нийт тариаланчдаасаа яг хэдэн га-д тариалалт хийсэн. Хичнээн төгрөгний зардал гарав. Хэдэн га-гаас нь ургац авах боломжтой байна гэдгийг нь нэг бүрчлэн тодруулж байна. Хохирлын хэмжээ алдагдлаа өөрсдөө нөхөх боломж юу байна гэдгийг хайж байгаа. Аль банк санхүүгийн байгууллагад тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ямар зээл авсан байна. Хичнээн төгрөгийн өртэй байна гэдгийг нэгтгээд явж байна. Энэ асуудлыг Хүнс, хөдөө аж ахуйн яам, Засгийн газартай тодорхой хэмжээгээр ойлголцож зээлийн хугацааг сунгах ямар арга хэмжээ байна гэдгийг ярилцах хэрэгтэй байна. Түүнээс биш бид нар болон Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас ургацыг сайжруулах боломж байхгүй. Одоо бол хараад суухаас өөр аргагүй боллоо.

Тодорхой нэг жишээгээр манайх Булган аймгийн Хутаг-Өндөр суманд тариалан тарьдаг. Тэндээс түлшийг бөөний үнээр авахад 1530 төгрөг байгаа. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээлээр түлш авахад 1870 төгрөг. Энэ нь хоёр, гуравхан сарын хугацаатай зээл шүү дээ. Урьдчилгаа 50 хувийг нь өгөөд талыг нь зээлээр авдаг юм. Үндсэндээ нэг литрдээ 200-300 төгрөгийн өндөр үнээр бидэнд түлш өгч байна гэсэн үг.

Мөн улаан буудайны үнийг Засгийн газраас тогтоодог. Өнгөрсөн жилийн хувьд “Та нар улаан буудайгаа борлуул, гурилын үйлдвэр тэдээр авч тэдэн төгрөгөөр борлуул” гэж тохироод тариалан эрхлэгчдэд үнийн зөрүү 100 мянган төгрөгийг улсаас өгнө гээд гэрээ байгуулсан. Харамсалтай нь үнийн зөрүүг 70 мянга болгосон. Энэ чинь зах зээлийнхээ жамаар явж чадахгүй байна. Зарим аж ахуйн нэгж бол өртгөөсөө доогуур борлуулж байгаа шүү дээ. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн компаниуд өөрөө өөрсдийгөө нөхөөд явах боломж байгаа ч үнэ барьсан үед тийм боломжгүй гэсэн үг. Тиймээс манай холбооны гишүүд уриалаад энэ жилээс Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам үнээ чөлөөлж, зах зээлийн жишгээр орхи. Урамшуулал гэж яриад байгаа үнийн зөрүүгээ боль. Бид зах зээлийнхээ жамаар өрсөлдье. Өнгөрсөн жил хангалттай улаан буудай хураасаар байтал импортоор улаан буудай, гурил орж ирсэн. Энэ бүхнийг тооцоод үзэхээр 2016 онд улаанбуудайг хамгийн багадаа долоо, наймдугаар сар хүртэл хомсдол, тасалдал үүсгэхгүйгээр хүргэх боломж байгаа. Гэтэл өнөөдөр сайд салбарынхаа асуудлыг ярихгүй байж хамгийн түрүүнд импорт яриад байгаа нь дөнгөж босч ирж байгаа хөдөө аж ахуйн салбарыг унагаах гээд байна” хэмээлээ.

С.АРИУН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Амралтын өдрөөр болсон “UB Food Festival-2015” хөл ихтэй байлаа

Дэлхийн улс орнуудад жил бүр хоолны томоохон фестивалиуд “Taste
of London”, “Taste of Paris”, “Taste of Chicago” нэртэйгээр зохион байгуулагдаж
хоолны урлагийн гайхамшиг, ач холбогдлыг олон нийтэд таниулсаар байдаг билээ.

Монголд ч “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд гурав дахь
жилдээ “UB Food Festival 2015”-ыг “Viva city” хороололд өнгөрсөн амралтын өдрүүдэд
амжилттай зохион байгууллаа.

“Их Монгол”,”The Ivy”, “Irish pub”, “London pub”, “Hazara,
Namaste Indian Restaurant”, “Sky Lounge”, “Ungane”, “Irish castle”, “BBQ”,
“Biwon”, “Машико Сүши” гээд Монголын шилдэг 50 гаруй ресторан өөрийн нэрийн
хоолыг 1000-3000 төгрөгөөр худалдаалав. Энэ нь шилдэг ресторануудын хоолыг нэг
дороос хямд үнээр амтлах ховор боломж олгосон явдал юм. Тус фестивальд хүрэлцэн
ирж буй гэр бүлийнхэн, найз нөхөд амралтын өдрөө зугаатай өнгөрөөв. Мөн жуулчид
нэлээд ирж олон орны хоолноос амталж байсан юм. Хоолны олон асар гарсан байсан
ч энэтхэг болон ирланд хоолнуудыг хүмүүс сонирхож дараалал үүсгэж байлаа. Зарим асарт үйлчлүүлэгчдийн дунд тэмцээн
зохиож өөрсдийн нэрийн барааг гардуулж байв.
Хүмүүс хамгийн идэвхтэй оролцсон нь гэр бүлээрээ пицца идэх тэмцээн
байсан юм. “Kitchen all” төв тайз дээр болсон тус тэмцээнийг дэмжигчид ч ирж
сонирхож байлаа. Хоол идэхээс гадна “Open Mic” зохион байгуулагдаж, ковер дуулж
амттай хоол идэнгээ амьд хөгжим сонсох боломжийг олгосон юм.

Фестивальд оролцож байсан Баянзүрх дүүргийн иргэн Н.Батжаргал
“Олон орны жишгээр зохиогддог болсон энэ фестиваль үнэхээр сайхан болж байна.
Энэ үйл ажиллагааг иргэн хүний хувиасаа их дэмжиж байгаа. Анх зохиогдсон жилээс
нь л тасралтгүй ирсэн дээ. Энэ жилийнх нь хоол, амттаны хувьд илүү их
сонголттой болж. Хоолны фестиваль болно гэдгийг мэдээд л ирэх гэж бодсон. Үзэх
юм ихтэй сайхан болдог юм. Амралтын өдрөө зөв боловсон өнгөрүүлэх гээд гэр бүлээрээ
ирчихсэн байна. Найз нар маань араас ирж байгаа. Зохион байгуулалт ч сайтай
болж байна” гэв.

Эхний өдөр “UB Food
Festival 2015”-ын бас нэгэн тодотгол болох “Тогооч нарын халз тулаан” “Kitchen
all” төв тайз дээр болсон. Тус тэмцээнд зүүн булангаас Олон улсын хэмжээний
мастер тогооч Батмөнх, харин баруун булангаас Олон улсын хэмжээний мастер
тогооч Мөнгөө нар өрсөлдсөн юм. Тогооч нарын шилдгээр Олон улсын хэмжээний мастер тогооч Мөнгөө
шалгарсан.

Анх зохион байгуулагдсан фестивалиар Монголд рекорд тогтоож
хамгийн том бялууг хийж байсан билээ. Тус бялуу нь 3х1 метрийн хэмжээтэй ба 919
ширхэг өндөг, 30 кг гурил, 28 кг элсэн чихэр, 45 литр крем, 72 ширхэг лист
кекс, 1000 ширхэг сарнайн чимэглэлээр 17 тогооч найман цагийн турш хийж 1800 хүн
үнэгүй амталсан сайхан үйл явдал болсон юм. Үүний үргэлжлэл болгон уламжлал
ёсоор “Sweet Kitchen” фэйсбүүк группын авьяаслаг эзэгтэй нар ирсэн зочдоо таван
мянган ширхэг “cupcake”-ээр дайллаа.

Хоолны фестиваль нь өмнөх жилээсээ улам өргөн дэлгэр болж,
хоолноос гадна коктейль, шэйк нэмэгдсэн байлаа. Мөн хүүхдүүдийн идэх дуртай
амттан, зайрмагууд дэлгээтэй байсан юм. Фестивалийн үеэр зарим ресторанууд хөнгөлөлттэй
үйлчлүүлэх эрхийн бичиг гардуулж байв.

Зайрмаг авч зогссон И.Уянга “Манайх “Viva city”-д байдаг юм.
Хоолны баяр болоод сайхан байна. Хоолнуудын үнэ их таалагдаж байна. Нэг ч гэсэн
өдөр гэрийнхэнтэйгээ орж чаддаггүй рестораныхаа хоолыг аваад идэх боломжтой
болж байна шүү дээ. Өглөөнөөс хойш байрныхаа гадаа байлаа. Дуртай хоолноосоо
авч идээд л их сайхан байна” хэмээв.

Нийслэлийн иргэд энэ л өдрүүдэд ажлын алжаалаа тайлж, их хотын
дуу чимээнээс холдон шилдэг ресторануудын хоолыг амтархан идэж байв. Амтат
хоолуудыг идэхийн тулд урт дараалал үүссэн байсан ч иргэд энэ фестивальд ам
сайтай байсан юм. Харин “UB Food Festival 2015”-ын зохион байгуулагчид шилдгийн
шилдгүүдээ ирэх өдрүүдэд хэвлэлийн бага хурлаар зарлахаар боллоо.

Сонирхуулахад тус фестивалийн үеэр топ ресторануудын хоолыг
амтлангаа гэрэл зургийн уралдаанд оролцох боломжтой аж. Та уралдааны нэр болон
агуулгад нийцсэн зураг аваад өөрийн инстаграм хуудсандаа #ubfoodfestival
hashtag-аар томъёолж байршуулах юм
байна. Хамгийн их “like” авсан нэг ялагч тодрох бөгөөд “Monet” ресторанд 100
мянган төгрөгөнд хоол идэх эрхийн бичиг хожих аж.

С.Ариун

М.Мишээл


Categories
мэдээ цаг-үе

Хийлч Дээгий: Орой гэрэл асаахад бүх зүйл нь ил харагддаг шил, толь болсон урлагийн сургууль мөрөөдөж байна

Хийлч Ч.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа.

Таныг өөрийн “Deegii’s music school” хөгжмийн сургуулиа нээгээд завгүй байгаа гэж сонссон. Сургуулиа хэзээ нээсэн бэ. Уран бүтээл дээрээ ажиллаж байгаа юу?

-Сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүү хөгжмийн сургуульдаа анхаарал хандуулж байна. Сургуулиа энэ оны дөрөвдүгээр сард нээсэн. Нэгэнт эхэлсэн ажил учраас тэрэндээ санаа тавиад ажиллаж байна.

Хэдээс хэдэн насныхан хичээллэж болох вэ?

-Таваас дээш насныхан гэсэн ангилалтай байгаа. Хүүхдүүдийн хөгжлөөс л хамаарна. Хичээлийн дараа буюу 14.00 цагаас хойш орой болтол хичээллэж байгаа.

Сургууль тань нээгд­сэнээс хойш ямар хүмүүс ирж хичээллэж байна?

-40 хүрч байгаа мөртлөө хөгжмөөр нэг ч гэсэн ая тоглоод сурчих юмсан гэж олон жил бодож явлаа, хэзээ ч боломж нь бүрддэггүй байсан юм гээд ирж байна. Нөгөө талаас одооны хүмүүс хүүхдүүдээ багаас нь хөгжмийн боловсрол эзэмшүүлэх нь үүрэг гэж үздэг болжээ. Энэ нь ч зөв л дөө. Би хүүхдүүдээс нь гадна эцэг, эхчүүддээ бас их анхаарал хандуулдаг юм. Хүүхэд гэдэг бол порлон. Тэр хүүхдэд юу зааж, юу өгнө бүгдийг хурдан сурдаг. Тэд хүүхдээ зүгээр нэг мундаг математикч болгоод өсгөчихье гэж боддоггүй. Дотоод хүн гэдэг талаас нь хөгжүүлэх юмсан гэсэн мундаг хүсэлтэй эцэг, эхчүүд ирдэг юм. Тэр хүүхдийг өсгөж хүмүүжүүлж байгаа эцэг, эхчүүд миний хувьд маш том сонирхолтой сэдэв болдог.

Сургуулийн төлбөрийн хувьд ямархуу вэ?

-Хүмүүс манай сургуулийг үнэтэй гэж ойлгоод бэргэдэг. Би тэрэн дээр том хаалт тавимаар байна. Өнөөдөр нэг дэлгүүр ороод долоо хоногийн хүнсээ авахад хэдэн төгрөг болдог билээ. Гэтэл үнэндээ хоол гэхээсээ илүү хор цуглуулдаг шүү дээ. Хоёр тор хүнс аваад гарахад л 200 мянган төгрөг болно. Гэтэл манай сургалтын төлбөр хоёр тор хүнснээс хямдхан. Сарын хугацаанд найман удаагийн ганцаарчилсан сургалтыг хүүхдэдээ зориулна. Бүтэн сар хүүхэд тань хөгжмийн ертөнцөөр амьдарна гэдэг маш том боловсрол. Тэр талаас нь харж хүүхдүүдээ явуулаарай гэж би зөвлөмөөр байгаа юм.

Та анх хийл хөгжмийг хүмүүст таниулж, их хурдан олонд танигдсан. Тухайн үед менежментээ яаж хийсэн бэ?

-Өнөөдрийнхтэй харьцуул­бал хийл хөгжмийг олон хүн тоглодоггүй байсан. Би анх удаа хийл хөгжмийн CD гэж гаргаж байлаа. Анхны юм гэдэг сонин, содон учраас хүмүүст хүрэх нь хурдан байсан. Дээрээс нь сонгосон зохиол нь их оновчтой болсон байх. “Хэнтийн өндөр ууланд” гэсэн аялгуу маань монголчуудын бахархал болсон зохиол учраас хэн ч гэсэн гоё хувилбараар тоглоод гараад ирэхээр содон байсан. Менежмент гэж яривал зөв сонголт. Тухайн үед үнэхээр анхдагч байсан учраас хүмүүст их таалагдсан байх.

-“Үлэмжийн чанар” дууг үсээ хусаад, хагас нүцгэн тоглож байсан чинь бас содон шийдэж, багагүй зориг гаргаж хийлээ дээ гэж харах хүн олон байсан. Тэр талаараа дурсаж яриач?

-Эргээд харахад бараг 10 жилийн өмнө хийгдсэн уран бүтээл. Өнөөдрийг хүртэл хүмүүс ярьж, үздэг. Хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэгж хийх нь хамгийн чухал. Их ч зориг гаргасан. Хийвэл хийсэн шиг хийе гэдгийн дотор том зорилго агуулагдаж байгаа. Тэр зохиолыг маш их судалж хийсэн учраас чанартай болсон. Хэзээд хуучрахгүй байгаагийн гол шалтгаан нь энэ байх.

Таныг долоон настайгаа­саа хийл хөгжмөөр хичээл­лэж эхэлсэн гэдэг. Яагаад хийл хөгжмөөр хичээл­лэхээр болсон юм бэ?

-Хөгжим бүжгийн коллежид хийлийн ангид ороод л хийлийн мэргэжлээр явсаар байгаад өдий хүрлээ. Одоо эргээд харахаар хувь заяаны л асуудал. Заримдаа хүн өөрөө сонгодог бол заримдаа өөрөө сонгогддог. Долоон настай хүүхэд дурлаад өөрийнхөө хүсэл зоригоор сонгохгүй шүү дээ.

Таныг их сургуульд орох­доо өөр мэргэжил сонгосон гэдэг юм билээ?

-Хөгжим бүжгийн коллеж төгсөөд 1998 онд хүн болгон англи хэл сурч эхэлж байсан үе. Гуравдагч улс гүрэн Монголын өмнө нээгдэж байсан цаг. Хөгжмийн хүн гэхээр хөгжмөөрөө яваад байвал уйтгартай шүү дээ. Энэ нь өрөөсгөл ойлголт. Тиймээс хэлтэй бол хөлтэй гэдэг утгаараа хэлээ сонгож ШУТИС-ийн орчуулагчийн ангид орж байлаа. Хөгжмийнхөө хажуугаар инженер, орчуулагч мэргэжилтэй болсон шүү.

Сургуулиа төгсөөд 2002 онд Америк руу явж тэндхийн СУИС-ийг хийл хөгжмөөрөө суралцаж төгссөн. Дараа нь Монголдоо ирэхийг үнэхээр их хүссэн. Би Монголдоо байх дуртай. Монголдоо байхаар өөрийнхөө дуртай амттай амьдралаар амьдарч чаддаг. Америкт сурсны хувьд мэргэжлийн гэхээсээ илүү маш том амьдралын туршлага болсон доо. Яагаад гэвэл 20 настай хүн заавал гадаадын их дээд сургуулиудад суралцах ёстой гэдэг шүү дээ. Тэр миний залуу насны маш том мөрөөдөл байсан. Мөрөөдлөө биелүүлсэн. Амьдралыг таньж, хүн болох сургуулилтыг тэнд илүү хийсэн дээ.

Бага залуу насны чинь талаар ярилцъя. Та айлын хэд дэх хүүхэд вэ. Аав, ээж тань юу гэж захидаг байв?

-Дөрвөн хүүхэдтэй айлын бага нь. Миний бага залуу нас социализмын үед өнгөрсөн. Одоо хүмүүст үлгэр домог шиг сонсогддог болж. Тухайн үед бүх зүйл нийгмээрээ хүмүүждэг байсан. Хувийн амбиц байгаагүй. Хувийн юм гэж ерөөсөө байгаагүй шүү дээ. Улс нь цаанаасаа ясли, цэцэрлэг, сургууль гээд л бараг нийгмийн хүн болж хүмүүждэг байсан. Улс орон хүмүүсээ төрөхөөс өсөх, сурах хүртэл нь бэлтгэдэг үе байлаа. Ээж, аав ажилдаа явна. Улс орондоо зүтгэнэ. Үүний хариуд хүүхдүүд нь сургуульд суралцдаг байлаа. Одоо бол улс орон гэхээсээ илүү хувь хүн өөрийнхөө төлөө зүтгэдэг болсон цаг. Тэр утгаараа эргээд маш өндөр үнээр хүүхдэдээ боловсрол олгодог болсон.

Уран бүтээлийнхээ онцлогийг яриач. Эрс тэрс ялгаатай бүтээл гаргаж байв уу?

-Миний мэргэжлийн хувьд онцлог нь сонгодог урлаг. Сонгодог урлагийг яагаад ч толгойг нь доош харуулж болохгүй. Сонгодог гэдэг зүйлийг хэзээ ч хэн ч эвдэж болдоггүй юм. Түүнийг баримтлахгүй байх аргагүй. Дээрээс нь сонгодог хөгжим гэдэг хэдэн зууны өмнө хөгжчихсөн зүйл. Өнөөдөр бид ямар зуунд амьдарч байгаа билээ. Тэр цаг үеэ мэдрэхгүй бол бас их хэцүү. Яг энэ хоёр зүйлийн огтлолцол дээр миний уран бүтээл оршдог. Одоо цаг дээр өнөөдрийн хүмүүсийн хөгжмийг ойлгох потенциал ямар байна тэрэнд тааруулж уран бүтээлээ хийх ёстой. Уран бүтээлийн гол чиг сонгодог дээр тулгуурласан мөртлөө өнөөдрийн массын сэтгэхүйд зориулсан зүйл хийдэг. Угаасаа урлагийнхны даалгавар хүмүүст дэлгэрүү­лэх, сэнхрүүлэх, нийгмийг зөөлрүүлэх үүрэгтэй. Үндсэн философийг нь барьж уран бүтээлээ хийдэг. Тэрнээс биш айхтар эвдээд харыг цагаан болгож, цагааныг хар болгож хийнэ гэж байхгүй л дээ. Магадгүй сонгодог урлагийг цахилгаан хөгжмөөр тоглож байгаа нь хүмүүст айхтар эвдлээ гэж харагддаг байж болох юм. Чингис хаантайгаа зүйрлэхэд л тэр олон мянган цэргийнхээ өмнө гараад яаж ярьдаг байсныг мэдэхгүй. Гэтэл одоо микрофон, спикер гээд асар өндөр хүчин чадалтай цаг үеийн ололтууд гарсан. Яг л тэрэн шиг үндсэн хэв маяг байгаа ч технологийг л ашигласан хэрэг.

Та хийл цуглуулдаг уу?

-Цуглуулга гэхгүй байх. Миний хувьд хэрэгцээтэй л багаж маань шүү дээ. Надад үндсэн аяа тоглодог сонгодог хийл, сайн чанарын буюу сүүлийн үеийн цахилгаан хийлүүд байгаа. Сонгодог хийл жинхэнэ мастерийн уран бүтээлээ гаргах зэвсэг учраас хамгийн үнэтэй байдаг.Цахилгаан хийлийг энд тэнд явж байхдаа авчихдаг юм. Голчлон “Yamaha” брэндийн хийлээр тоглодог.

Найз нөхдийнхөө талаар яриагаа үргэлжлүүлье. Амьдралд хэрэгцээтэй зүйлийн нэг шүү дээ?

-Миний хувьд хүн өөрөө маш олон талсттай болор гэж ойлгодог. Тэр олон талстыг бүрэн гүйцэд ойлгох найз гэдэг маш ховор. Би аливаа юманд хавчиг байхыг хүсдэггүй. Бүх төрлийн хүмүүсийг хүлээж авах шугам нь өргөн байх ёстой гэж үздэг. Ер нь олон найзтай байна гэдэг өөрөө өөрийгөө олох хамгийн гол зэвсэг. Хүнийг таниад байх нь юу юм, өөрийгөө л нээдэг юм.

Таны барим­талдаг зарчим?

-Өөрөө өөртөө үнэнч байх. Энэ амьдарч байгаа цаг хугацаа бол миний цаг хугацаа. Энэ хугацаандаа өөрөө өөртөө үнэнч амьдрах юмсан гэж боддог. Нэг ч гэсэн илүү амьсгалах юмсан. Миний төлөө хэн ч амьсгалж чадахгүй. Би ч гэсэн хэний ч төлөө амьсгалж чадахгүй шүү дээ. Тиймээс миний хувьд маш том зүйл бол өөрөө өөртөө зориулсан амьсгал бүр минийх байгаасай гэж хүсдэг.

Гэр бүлээ танилцуу­лаач?

-Хүмүүс мэднэ шүү дээ. Дэлгээтэй ном шиг байхыг хүсдэггүй.

Та өөртөө хэр их цаг зав гаргадаг вэ?

-Өөртөө цаг гаргана. Би л өөртөө цаг гаргахгүй бол хэн миний өмнөөс надад цаг гаргах вэ дээ. Тэр бол үндсэн шугам. Эмэгтэй хүний хувьд өөртөө цаг гаргаж чадна гэдэг маш том арчаа.

Чингисийн талбай дээр “Учиртай гурван тол­гой” дуурь тоглоход хүмүүс сонгодог урлагийг гудамжинд гаргачихлаа гэж нэлээд шүүмжилсэн. Та ямар бодолтой байна?

-Тэр хүмүүсийн харж буй амьдралын өнцөг тийм л хар бараан байгаа юм. Ард түмэн олон ургальч санааг гаргадаг гэдэг шүү дээ. Үнэхээр сайхан цэцэг ургуулаад харуулсан ч гэсэн тэр дундаас шүүмжлэх хүн гарч ирнэ. Тиймээс хар бараан зүйлд ач холбогдол өгөхөө больцгооё гэж л хэлмээр байна. Урьд хожид болоогүй л сайхан наадам боллоо шүү дээ. Сайхныг нь магтвал тэрийг хийж байгаа хүмүүсийн сэтгэл улам баярлаж, урам орно. Миний хувьд гайхамшигтай санагдсан. Наадмын өдрүүдэд талбай дээр өнжлөө дөө гэдэг шиг л юм болсон доо.

Та жил болгон тоглолтоо хийдэг шүү дээ. Энэ жилийн тов гарсан уу?

-Яг шийдэгдээгүй байна. Амьдрал баялаг юм чинь гэнэт л хийнэ дээ.

Өөрийн чинь хувьд хамгийн хайртай уран бүтээлээ нэрлээч гэвэл та юуг онцлох вэ?

-Миний тоглодог бүх л уран бүтээл миний хувьд үнэ цэнтэй. Ард нь гарсны дараа эргээд харахад яаж энэ бүгдийг хийсэн юм бэ гэж боддог. Одоо харахад дандаа 20-иод насны уран бүтээл байгаа юм. Гоё ч нас байдаг юм байна. Ер нь 30 хүрээгүй байхдаа л ихзүйл хийчихмээр юм биш үү. Эрсдлээ сайн мэдэхгүй маш их зоригтой байдаг үе. Хүн алдаж болно. Зовох ч байх. Гэхдээ тэр үед зовж байгаагаа ч мэддэггүй юм билээ. 30 нас гараад ирэхээр хашир болчихдог юм байна. Эрсдлээ их боддог болж. Магадгүй 30-аас өмнөх насныхан уншиж байвал залуудаа хийсэн ямар ч ажил хэрэгтэй, амттай байдаг юм шүү гэж хэлье.

Хэдэн цомог гаргасан билээ. Цомгууд тань хоорондоо ялгаатай юу?

-Би дөрвөн цомог гаргаж байсан. Уран бүтээлийн үе байж дээ. Ардын дууг орчин үеийн хэв маягт оруулаад сүүлдээ тэр нь этник гэдэг хэллэг болсон байгаа. Яг сонгодог чиглэлээр цэвэр хийлээр бас нэг цомог гаргаж байлаа. Дээрээс нь хамтарсан уран бүтээл их хийсэн. Хамгийн сүүлд “Мint” клубээс зохион байгуулсан шоунд дуучин Энхзолтой хамтарч гоё транс ая хийсэн байна лээ. Тэгэхээр уран бүтээлийн хэв маяг хязгаарлагдахгүй л дээ. Яагаад гэвэл хийл хөгжим өөрөө юу л бол юу тоглож болдог. Уртын дуу ч тоглож болно.

Та ямар мөрөөдөлтэй хүн бэ?

-Мөрөөдөл чинь бас сүүлийн үед шунал ч юм шиг болчих гээд байгаа шүү. Мэдээж мөрөөдөлгүй яахав. Өнөөдөр би өөрийн гэсэн сургууль дээрээ сууж байна. Сургууль маань 10-аад анги танхимтай. Гэхдээ давуулаад мөрөөдөхөд тусдаа биеэ даасан зургаа, долоон давхар байшин байгаасай гэж хүсч байна. Гаднаас нь харахаар нэвт харагддаг. Нэг давхар нь тэр чигээрээ бүжгийнх, хоёр давхар нь бүтэн оркестр суугаад тоглодог. Гурван давхар нь ганцаарчилсан ангиудтай. Доороо бас концертын гоё заалтай байгаасай гэж хүсч байна. Тэр байшин маань метроны буудлын хажууд эсвэл вагоны хажууд байрлалтай зөрж өнгөрч байгаа хүмүүст нэвт харагддаг. Орой гэрэл асаахад бүх зүйл нь ил харагддаг шил, толь болсон урлагийн гоё сургууль мөрөөдөж байна.

С.Ариунжаргал

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сарангэрэл: Цэцэрлэгийн хүүхдийг хүчээр бус өөрсдийнх нь хүсэл сонирхлоор сургах хөтөлбөр юм

Сургуулийн өмнөх
боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг өнгөрсөн жилийнхээс шинэчилж, 2016-2017
оны хичээлийн жилд хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хөтөлбөр нь хүүхэд бүрийг
боломжит хурдаар хөгжүүлэх, хүүхдийн сонирхлыг илрүүлэн судлах, хөгжүүлэх
зарчимд суурилсан юм. Сургуулийн өмнөх боловсролын болон суурь боловсролын
сургалтын цөм хөтөлбөрийг “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, “Зөв
Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн үзэл санаа, зорилгод тулгуурлан шинэчилсэн
байна. Эдгээр цөм хөтөлбөр, сурах бичгийг боловсролын эрдэм шинжилгээ арга зүйн
байгууллага, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төрийн
бус байгууллагын төлөөлөл 160-аад багш, судлаач, мэргэжилтэн хамтран
боловсруулжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 3-6-ны хооронд зохиогдож буй
сургалтад хамрагдаж буй Завхан аймгийн Боловсрол, соёлын газрын сургуулийн
өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Сарангэрэлтэй ярилцлаа.

-Энэ хөтөлбөрт танай аймаг
хэзээнээс хамрагдсан бэ?

-Сургуулийн өмнөх боловсролын
сургалтын цөм хөтөлбөрийг 2014-2015 оны хичээлийн жил туршиж Завхан аймгийн
Улиастай сумын 12 цэцэрлэгийн нэг нь болох нэгдүгээр цэцэрлэг хамрагдсан юм.
Туршилтын хугацаанд зөвхөн нэг цэцэрлэгээр зогсохгүй бусад бүх цэцэрлэгтээ энэ
цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажилласан. Одоо бүх багш нар сургалтад
хамрагдаад цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн болоод байгаа.

-Хичээлийн хөтөлбөрт ямар
өөрчлөлт орох юм бэ?

-Өмнө нь олон хөтөлбөрөөр хичээллэж
байсан. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого гээд 20
дугаар тушаалаар батлагдсан бодлого хэрэгжиж байсан юм. Энэ бодлогын хүрээнд
хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаагаа боловсруулаад багш зааж, хүүхэд тэр
хичээлийг хүссэн хүсээгүй сурдаг байсан. Харин энэ хөтөлбөрөөр хүүхдийн боломж,
хөгжил дээр тулгуурлаад өөрийнх нь хөгжлийн хурдаар сурах боломжийг олгосон цөм
хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрт зөвхөн багш гэлтгүй эцэг эх, хүүхдүүд бүгд ач
холбогдол өгч хичээллэж байгаад баяртай байгаа.

-Энэ хөтөлбөрийн ач
холбогдол юу вэ?

-Манай цэцэрлэг өмнө нь 30-35
хүүхэд нэг бүлэг болж явдаг байсан. Тус бүлэгт стандартын дагуу бага, дунд,
ахлах бүлэгт сурах ёстой зүйлийг л сургадаг байсан юм. Харин одоо нэг бүлэгт
ганцхан хөгжүүлэх төв ажиллахаар зохицуулсан байгаа. Бусад цэцэрлэгийн нэг
бүлэгт 5-10 хөгжүүлэх бүлэг ажилладаг бол манайд нэг л бүлэг ажиллана гэсэн үг.
Хүүхэд нэг сэдэв тоглоом сонгоод тоглоход тус тоглоомыг сонгосон цэцэрлэгийн 10
бүлгийн 30 хүүхэд нэг ангид орно. Нэг ёсондоо холимог насны бүлгээр хичээллэж
болно гэсэн үг. 2,3,4,5 настай бүх хүүхдүүд өнөөдөр би эмч гэдэг тоглоомоор
тоглохоор сонгосон бол нас харгалзахгүй бүх хүүхэд тоглоно. Энэ нь багт чиглэж
байгаагаараа чухал алхам. Би үүнд л их олзуурхаж байна. Өөрийнхөө сонирхлоор
хичээллэж байгаа учраас хүүхдүүд өөрсдөө ч их дуртай байдаг. Эцэг, эхчүүд ч
гэсэн хүүхдүүд баяр баясгалантай байгаа болохоор их дэмждэг. Одоогоор сургалтын
боломж бүрэн хангагдаагүй байгаа учраас эцэг эхчүүдийн дэмжлэг бас их хэрэгтэй
байгаа.

-Холимог насныхан хамт
суралцахаар ойлголцох нь ямар байдаг вэ?

-Эхлээд бага бүлгээс орж
ирсэн хоёр хүүхэд, дунд бүлгээс орж ирсэн гурван хүүхэд гээд ялгараад
зогсчихдог байсан. Одоо байдал өөр болсон. Ахлах бүлгийн хүүхдүүд маань дүү
нараа халамжилж байгаа юм л даа. Айлын ганц, хоёроороо байдаг хүүхдүүд
хоорондоо их сайн нийгэмшдэг гэсэн үг. Хоорондоо ойлголцоход эхэндээ багшийн
чиглүүлэх ажиллагаа хэрэгтэй. Бага бүлгийнхэндээ ахлах бүлгийнхэн яаж зааж өгөх
вэ гэдгийг чиглүүлж чадаж байвал бүлгээр ялгарахгүй. Миний дүү гээд хөтлөөд л
юмаа хамт хийгээд л эхэлдэг юм. Энэ нь багаар ажиллах чадварыг хүссэн хүсээгүй
бий болгодог хөтөлбөр. Өмнө нь бага бүлэг 15 минут, бэлтгэл бүлэг 25-30 минут
гээд үйл ажиллагаагаа цагаар баталчихдаг байсан бол одоо хүслийг нь харгалзаж
өөрөө хэдэн минут тоглож ханах нь уу гэдгийг хардаг болсон. Хүүхдийн ийм
ажиллагаа нь хүүхдийг хөгжүүлдэг юм байна гэдэг нь харагдаж байгаа. Өмнө нь
хүүхдийг тоглоомоор хөгжүүлдэг гэдэг байсан бол одоо багш хүүхдүүд нэгдэж
хөгжүүлэх үйл ажиллагаагаа өөрсдөө хийдэг болж байгаа нь энэ хөтөлбөрийн давуу
тал. Бүх хүүхдийг хөгжүүлэхийн тулд багшаас гадна цэцэрлэгийн харуул, тогооч
зэрэг тэнд ажиллаж байгаа бүх хүмүүс ажиллаж байгаа.

-Одоо болж байгаа багш
нарын сургалтаар юу зааж байгаа юм?

-Би энэ сургалтад хоёр дахь
удаагаа хамрагдаж байна. Хавар сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр, бага
боловсролын хөтөлбөрийг хөгжүүлж орон даяар явуулсан үр дүнг ярилцсан. Одоо
сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр, суурь боловсролын шинэчилсэн
хөтөлбөрийг орон даяар хэрэгжих учир үүнийг яаж хэрэгжүүлэх талаар хэлэлцэж
байна. Мөн туршилт хийж байх хугацаанд ямар бэрхшээл, эргэлзээ гарав, түүнийг
яаж орон нутагт шийдэх вэ гэдгийг зааж байна. Сургалт энэ сарын 6-ныг дуустал
явагдана. Бид орон нутагт очоод үүнийг гардаж хэрэгжүүлэх учраас идэвхтэй
суралцаж байна.

-Танайд уг төслийг
хэрэгжүүлэхэд нэг жилийн хугацаанд гарсан үр дүнг дүгнэвэл?

-Хэрэгжилтийн багийнхан үр
дүнг нь гаргаад судалгаа хийсэн байна лээ. Хүүхдийн хөгжлийн ахиц 23.4 хувьтай
яваа юм байна. Өмнө нь судалгаагаар улсын дундаж 85-тай байдаг байсан тэр
дундаж хэвэндээ байна гэсэн. Шинэ юм болохоор шууд гарсан үр дүн одоогоор ховор
байна. Гэхдээ өмнө нь албан хүчээр сургаад байдаг зүйлийг хүүхдийн сонголт,
онцлогт тулгуурлаж хийж байгаа учраас илүү үр дүнтэй байгаа.

С.Ариун