Categories
мэдээ цаг-үе

Д.Амгаланбаатар: Аз жаргалын индекс дэлхий нийтэд дөрвөн хувиар буурсан

-Монголчуудын итгэл найдвар болон эдийн засагт итгэх индекс дэлхийн дунджаас бага гарсан ч аз жаргалын индекс дэлхийн дунджаас 15 хувиар өндөр гарчээ-

“MMCG” компанийн ерөнхий захирал Д.Амгаланбаатартай дэлхийн “Итгэл найдвар, аз жаргал, эдийн засгийн итгэлийн индекс 2015”-ын талаар ярилцлаа.

-“MMCG” компани байгуулагдаад хэдэн жил болж байна. Судалгаагаа олон улсын түвшинд хийдэг гэсэн?

-Манай компани 2002 онд байгуулагдсан. Монголын хамгийн анхны мэргэжлийн судалгааны компани. Энэ жил 14 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай улс 1990 онд шинэ нийгэмд шилжсэнээс хойш маркетингийн судалгаа хөгжиж эхэлсэн. Маркетингийн судалгаа, зөвлөх үйлчилгээ нь харьцангуй шинэ салбар учраас үнэндээ хөгжлийн хувьд нэлээд дорой байгаа. Монгол Улсад үүнийг дуурайгаад хөгжье гэх маркетинг судалгааны компани байхгүй учраас бид анх гадаадын судалгааны компаниудаас суралцах хэрэгтэй болсон. Тиймээс 2008 оноос бид гадаадын томоохон судалгааны компаниудтай хамтран ажиллаж судалгааны арга аргачлал, технологио цаг алдалгүй шинэчлэн, хөгжүүлж ирлээ.

Мөн олон нийтийн санаа бодол болон маркетингийн судалгааны олон улсын ISO 20252:2012 стандартыг 2012 онд Монгол Улсын Стандартчилал хэмжил зүйн газраар батлуулан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. ESOMAR гэх 1948 онд байгуулагдсан олон улсын судалгааны ёс зүйн стандартыг хангадаг байгууллага байдаг бөгөөд үүнд Монгол Улсаас шаардлага хангаж орсон цорын ганц компани бол манайх. Өөрөөр хэлбэл “MMCG” компанийн хийсэн судалгаа олон улсын стандартын дагуу явагдаж, үр дүн нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц болж байгаа юм.

-Маркетингийн судалгаа манай оронд хөгжлийн хувьд ямар шатандаа яваа вэ?

-Монголчууд бид хэдэн биенийгээ л өрсөлдөгч мэтээр хараад байдаг. Бид хэдэн биенээ хараад хөгжихгүй шүү дээ. Тиймээс эхний ээлжинд “Ази Номхон далайн маркетингийн судалгааны компаниудын холбоо”-нд 2013 онд ес дэх орноор нь элсэж орсон юм. Уг холбоонд Япон, Автрали, Шинэ Зеланд, Сингапур, Малайз, Хятад, Өмнөд Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнууд орчихсон байдаг юм. Ингэхээр бид дэлхийн маркетингийн судалгааны чиг хандлага хаашаа явж байна вэ гэдгийг мэдэж түүнтэй нийцүүлэн хөгжих боломжтой болж байгаа юм. Манай компани Ази Номхон далайн өндөр хөгжилтэй орнуудын маркетингийн судалгаа, зөвлөх үйлчилгээний томоохон хурлыг 2017 оны есдүгээр сард Монголд зохион байгуулах эрхийг аваад байна. Тэр эрхээ өнгөрсөн жил Шинэ Зеландад очихдоо Тайвань, Сингапур улсуудтай өрсөлдөж авсан. Энэ маань Монгол Улсын маркетингийн судалгааны хөгжилд оруулж байгаа том хувь нэмэр болов уу гэж бодож байгаа.

-Дэлхийд хамгийн сайн маркетингийн судалгаа хийдэг ямар орон байдаг вэ?

-Дэлхий дээр байдаг хамгийн том 25 судалгааны компанийг харахад топ зургаан оронд хуваагддаг юм. Ихэнх нь буюу 13 нь Америкийн судалгааны компаниуд байдаг. Английн дөрвөн компани, Франц, Японы тус бүр гурван компани, Австрали, Бразилийн тус бүр нэг компани дэлхийн хамгийн том 25 компанид багтдаг. Хамгийн өндөр хөгжилтэй орнууд том судалгааны компанитай байдаг. Тэгж байж бүтээгдэхүүнүүд нь дэлхийд танигдсан брэнд болж зах зээл дээр тархдаг. Шударгаар хэлэхэд судалгааны байгууллага нь хөгжөөгүй улсууд ихэнхдээ ядуу буурай орнууд байдаг.

-“MMCG” компани шинэ оны өмнө “Дэлхийн топ удирдагчдын рейтинг”-ийн үр дүнг олон нийтэд зарласан. Харин одоо “Итгэл найдвар, аз жаргал, эдийн засгийн итгэлийн индекс 2015”-ыг гаргажээ.Энэ удаагийн судалгаанд хэдэн улс хамрагдсан бэ?

-Би 2015 оны аравдугаар сард “Win/Gallup interna­tional” хэмээх маркетингийн болон олон нийтийн санаа бодлын судалгааны дэлхийн тэргүүлэгч эвслийн гишүүн болсон. Тэгээд анх удаагаа “Дэлхийн топ удирдагчдын рейтинг”-ийг танилцуулсан. “Win/Gallup international” нь 1947 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн газар нутгийн 95 хувийг хамарсан, 76 орны судалгааны топ компаниудаас бүрддэг. Нэг орноос маркетингийн судалгааны олон улсын стандартыг хангасан нэг л компанийг элсүүлдэг юм. Энэ холбоонд нэгдсэнээр дэлхий даяар хийгдэж байгаа чухал судалгаануудад манай улсын иргэдийн дуу хоолой хүрэх боломжтой болж байна. Энэ нь Монгол Улсын хувьд бид дэлхийд хаана нь яваад байна вэ гэдгийг харах боломж нь нээгдэж байгаа хэрэг.

“Итгэл найдвар, аз жаргал, эдийн засгийн итгэлийн индекс 2015”-д 68 орон хамрагдсан байгаа. Тухайн орны газар нутгийн хэмжээ, хүн амаас хамаарч нэг улсаас 400-2000 хүн судалгаанд хамрагдсан бөгөөд нийтдээ 68 орны 66,000 хүн судалгаанд хамрагдсан байна. Монгол Улсын хувьд 21 аймаг болон нийслэл хотоос нийт 1000 хүн уг судалгаанд хамрагдаж санал бодлоо илэрхийлсэн.

-Аз жаргалын индексээр манай улс нэлээд дээгүүрт байгаа гэсэн үү?

-Арванхоёрдугаар сарын 31-нд “Итгэл найдвар, аз жаргал, эдийн засгийн индекс 2015” судалгааны үр дүнг цацсан. Үүнд манай улс Аз жаргалын индексээр дэлхийн 68 орноос 13 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Колумб улс аз жаргалын индексээр нэгдүгээр байрт орсон буюу 85 хувь нь аз жаргалтай байна гэж хариулсан байгаа юм. Колумб өөрөө Өмнөд Америкийн улс шүү дээ. Тэнд хар тамхины наймаа цэцэглэсэн. Хүн амины гэмт хэрэг гаралтаараа дэлхийд номер нэг улс. Нэг нэгнийгээ буудах нь энүүхэнд. Гэтэл тэр улс яагаад аз жаргалтай байна вэ. Үүнийг тайлбарлахад хэцүү. Хүн өөрөө өөрийгөө төсөөллөөр тодорхойлж гаргаж байгаа хэрэг. Энэ судалгаа төсөөллийн судалгаа учраас би аз жаргалгүй байсан ч аз жаргалтай байна гэж хариулж болно. Харин хамгийн аз жаргалгүй улсаар Ирак улс гарсан байна. Өндөр хөгжилтэй орнуудаас Франц улс 59 дүгээрт орж байгаа юм. Магадгүй францчууд одоо байгаадаа ханадаггүй байж болно. Өөрөөр хэлбэл Африкийн нэг иргэн хоногийн хоолтой байхдаа аз жаргалтай байгаа бол Францын нэг иргэн харьцангуй хүлээлт өндөртэй байж болох юм.

-Аз жаргалын индексийг хэзээнээс тооцож эхэлсэн бэ. Юугаар нь аз жаргалтай гэж үзээд байгаа юм бэ?

-Анх 1978 онд Бутан гээд хаант засаглалтай, далайд гарцгүй, газар нутгийн хувьд жижиг улс байсан. Бутан улсын хаан ард иргэдээ хэрхэн амьдарч байгааг харахын тулд үндэсний аз жаргалын индексээ тооцож эхэлсэн байгаа юм. Үүнээс хойш аз жаргалын индексийг дэлхийн олон улс гаргадаг болсон. Хүн болгоны хувьд аз жаргал гэдэг өөр үзүүлэлт шүү дээ. Миний хувьд аз жаргал гэдэг гэр бүлийнхэнтэйгээ эрүүл энх, хэрүүлгүй, өмсөх хувцастай байхыг хэлнэ. Зарим хүмүүс арван давхар байшинтай, найман машинтай, хадгаламжиндаа 100 сая доллартай байвал аз жаргал гэж үзэж болно. Хүмүүсийн төсөөлөл нь өөр өөр байна. Монголчуудын хувьд итгэл найдвар болон эдийн засагт итгэх индекс дэлхийн дунджаас бага гарсан ч аз жаргалын индекс дэлхийн дунджаас 15 хувиар өндөр гарчээ. “Амны билгээс ашдын билэг” гэдэг шиг монголчуудын хувьд эдийн засагт итгэх итгэл, ирэх оны итгэл найдвар бага байгаа хэдий ч өөрийн амьдралыг аз жаргалтай байна гэж үзэж байна.

-Аз жаргалын индекс өндөр байгаа нь шинэ жилийн баяртай холбоотой гэж байсан үнэн үү?

-Үгүй. Мэдээлэл цуглуулалтаа дэлхий даяар есдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15-ны хооронд цуглуулсан. Энэ судалгаа шинэ жилийн баяртай ямар ч холбоогүй. Мэдээлэл цацаж байгаа нь л шинэ жилийн үеэр таарч байгаа юм.

-Аз жаргалын индекс дэлхий нийтэд буурч уу, нэмэгдэж үү?

-Аз жаргалын индекс дэлхий нийтэд дөрвөн хувиар буурсан байна лээ. Өнгөрсөн 2014 онд 70 хувь нь өөрсдийгөө аз жаргалтай гэж үзэж байсан юм билээ. Энэ жил дэлхий нийтээрээ 66 хувь болж буурсан байна.

-Итгэл найдварын индексийн хувьд ямар байв?

-“2015 он 2016 онтой харьцуулахад сайжрах уу, муудах уу” гэж асуусан. Монголчуудын 37 хувь нь сайжирна, 25 хувь нь муудна, 37 хувь нь байгаагаараа хэвээрээ байна, нэг хувь мэдэхгүй гэж хариулжээ. Бид энэ үзүүлэлтээр 68 орноос 36 дугаар байрт орсон. Аз жаргалтай гээд байсан хүмүүс ирээдүйдээ итгэл багатай байгаа дүр зурагтай байна. Харин хамгийн өндөр итгэл найдвартай улсаар Бангладеш улс орсон. Араас нь Хятад, Нигер улсууд эрэмбэлэгджээ. Хамгийн бага найдвар тавьж байгаа орноор Итали, Ирак, Грек улсууд орж байна.

-Эдийн засагт итгэх итгэлийн индекс яаж гарав?

-“2016 оны эдийн засгийн нөхцөл байдал 2015 онтой харьцуулахад сайжрах уу, муудах уу” гэсэн асуулттай байлаа. Энэ судалгаанд манай улс 68 улсаас 55 дугаарт орсон. Судалгаагаар манай улс энэ жилийн эдийн засгийн итгэл найдвар муу байна гэж гарлаа. Судалгаанд хамрагдсан арван хүний хоёр нь энэ жил эдийн засаг сайжирна гэж хариулжээ. Харин тав нь муудна, гурав нь хэвэндээ байна гэсэн.

Эдийн засаг сэргэнэ гэж үзэж байгаа улсад Нигер хамгийн их итгэл найдвартайгаар гарсан. Байгалийн хий, баялаг ихтэй улс мөртлөө хамгийн ядуу орон. Гэтэл энэ улс эдийн засаг сайжрахад хамгийн өндөр итгэлтэй байна гэж гарсан. Араас нь Бангладеш улс орсон байна. Эдийн засаг сэргэхэд итгэлгүй байгаа улсад Грек, Автри, Итали зэрэг улсууд эрэмбэлэгджээ. Үүнээс харахад өндөр хөгжилтэй орнуудын хүлээлт өөр байх шиг байгаа юм.

-Танай компани судалгаагаа утсаар авдаг юм байна. Хүмүүс хэр идэвхтэй хариулдаг вэ?

-Төвөгшөөхгүй хариулчихна. Манайхны нийгмийн идэвх оролцоо нь харьцангуй сайн болчихсон шүү. Ялангуяа манай орон нутгийн хэрэглэгч нар сайн хариулдаг. Ер нь манай компанийн утсаар судалгаа авдаг төв маань хамгийн сүүлийн үеийн технологи дээр суурилагдсан. Манай судалгаа авдаг операторууд маань өндөр түвшинд сургагдаж бэлтгэгдсэн байдаг.

-Энэ судалгааг гаргахаар хүмүүсийн сэтгэл зүйд яаж нөлөөлөх бол?

-Олон талаар нөлөөлнө л дөө. Магадгүй бизнес эрхэлдэг хүн эдийн засгийн өсөлт сайн байна гэсэн итгэл найдвартай байвал мөнгөө дэрэн доороо нуугаад байхгүй зах зээлд оруулъя гэж төлөвлөж болох юм. Мөн ард иргэд нь эдийн засгаа сэргэнэ гэж харж, хүлээж байгаа оронд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх ч магадлалтай. Тэгэхээр үүнийг хүмүүс ямар ч өнцгөөс харж, тайлбарлаж болох юм.

-Ирэх сард ямар судалгааг танилцуулах вэ?

-“Win/Gallup international”-ээс юу танилцуулах талаар одоогоор мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ олон сонирхолтой үр дүнг хүлээгдэж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Өвөл нарны тос заавал түрхэх ёстой

Манай орон эрс тэс уур амьсгалтай. Тиймээс улирал улирлын онцлогоор бүсгүйчүүд арьсаа зөв арчилж хамгаалж байх хэрэгтэй. Өвлийн улирал хаалга тогшлоо. Хүйтний улмаас нүүрний арьс эмзэгшиж, хуурайших хандлагатай болдог. Өвөл арьсанд хамгийн их тохиолддог гамшиг бол хүйтэнд цохиулсан цочролоос үүдсэн хуурайшилт, гуужилт, улайлт байдаг. Энэ талаарСаранзүүсалоныГэрэлтэхгоо сайхны салоны гоо сайханч, маникюрчин Л.Оюунгэрэлтэй ярилцлаа.

Өвлийн улиралд бүсгүйчүүд нүүрээ хэрхэн арчлах ёстой вэ?

-Нарны тос заавал хэрэглэх ёстой. Хүмүүс зөвхөн зуны улиралд л нарны тос түрхэх ёстой гэж ойлгоод байдаг юм. Эрс тэрс уур амьсгалтай учраас хүний арьс мэдрэмтгий болчихсон байдаг. Хэт хүйтэн газраас халуун газар руу ороход нүүр улайдаг шүү дээ. Энэ нь арьсаа эмзэглүүлчихсэн гэсэн үг. Тэгэхээр арьсаа цочроож эмзэглүүлэхгүйн тулд кремнийхээ доор нарны тос заавал түрхэх ёстой. Энэ нь мөн хүйтэн агаараас хамгаалдаг юм.

Арьсаа хэрхэн хамгаалах хэрэгтэй вэ?

-Хэт хүйтрэх үед арьсанд цочрол өгч хуурайшдаг. Гэрийн нөхцөлд зөгийн балыг өндөгний шартай холиод маск тавьбал тэр нь хуурайшсан арьсанд зориулагдсан үйлчилгээтэй болно. Харин зөгийн балыг өндөгний цагаантай холивол холимог арьсны маск болно. Мөн ногоон огурцыг нимгэн зүсээд нүүрэндээ тавьбал арьс чийгшүүлж, цайруулах, нөсөө толбоны эсрэг үйлчилгээтэй байдаг.

Нүүрээ гуужуулах тал дээр хүмүүс өөр өөр мэдлэгтэй байдаг. Энэ тал дээр зөвлөгөө өгөөч?

-Манайхан арьсаа гуужуулаагүй байж тос түрхээд байдаг. Тэгээд тос нөлөөлөхгүй байна гэдэг. Үхжсэн арьсаа гуужуулсны дараа эрүүл арьсан дээр тэжээлийн тос түрхвэл сайн нөлөөлдөг юм. Хүмүүс арьсаа арчилж байна гээд өдөр болгон маск тавиад л гуужуулаад байдаг. Долоо хоногт дор хаяж хоёроос гурван удаа маск тавих хэрэгтэй. Монголын нөхцөлд арьс мэдрэмтгий болчихсон байдаг учраас хоёр удаа гуужуулахад болно.

Арьсаа яаж бүрэн цэвэрлэх ёстой байдаг юм бол?

-Арьсаа байнга цэвэрлэдэг байх шаардлагатай. Өдөр болгон залхууралгүй угааж, тэжээлийн тос түрхэх хэрэгтэй. Шүдээ өдөр болгон угаадаг шигээ л дадал болгох нь зөв. Хүмүүс зөвлөгөө авах гэж ирэхдээ заримдаа арчилгаа хийгээд хааяа хийдэггүй гээд байдаг. Үе үе арчилгаа хийгээд л болиод байхаар арьс цочрох аюултай. Үнэтэй биш энгийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд л нүүрэндээ арчилгаа сайн хийх юм бол асуудал гарахгүй. Манайхны бас нэг алддаг зүйл бол гараа давхар арчилдаггүйд оршдог. Гарандаа чийгшүүлэгч тос л түрхээд байдаг юм. Нүүрээ яаж арчилж байна гараа ч гэсэн адилхан арчлах ёстой. Сүү, зөөлрүүлсэн усаар нүүр, гараа угаавал сайн нөлөөтэй байдаг.

Арьсаа хурдан цайруулах арга бий юу?

-Төмс чанасан усанд гараа угаахад цайрдаг. Мөн төмсөө нухаад нүүрэндээ маск тавих нь сайн нөлөөтэй. Өндөг зөгийн балан дээрээ нимбэгний дусал хийгээд нүүрэндээ тавьбал хурдан цайрдаг.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Шинэ загварын приус 100 километрт 2,5 литр бензин иднэ

“Тоёота” компани өмнөх загвараас зургаан жил хагасын дараа бүрэн шинэчилсэн приус загварын автомашины үйлдвэрлэл, борлуулалт эхэлснийг тэмдэглэх ёслолын арга хэмжээ энэ сарын 14-ний өдөр боллоо. Шинэ приус олон төрлийн автомашины загварын дотоод эд ангийг нэг төрлийн загварт оруулж зардал бууруулах, машины хурд хүчийг нэмэх технологи буюу ТNGA Toyota New Global Architecture үйлдвэрлэлийн шинэ архитектураас төрсөн анхны бүтээгдэхүүн болсон байна.

Шинэ загварын машин гүн улаан, сувдан цагаан өнгөтэй байх бөгөөд 17 инчийн хар саарал өнгийн обудтай байх аж. Салонд нь хар, саарал өнгө зонхилжээ. Босоо гурвалжин их гэрэл, босоо хэлбэрийн манангийн гэрэл долгиотсон рельеф нь устөрөгчийн хөдөлгүүртэй Mirai-тай бага зэрэг төстэй харагдах гэнэ. Хянах самбарын уламжлалт тоноглолууд нь шингэн кристалл дэлгэц дээр шилжиж урд төв хэсэгтээ байрласан байна. Мөн том дэлгэц бүхий олон төрлийн медиа систем хянах самбарын доор байрлах юм.

Шинэ приусын зай хураагуур нь тоормослох үеийн энергиэр маш хурдан цэнэглэгдэх ба энэ нь өмнөх загвараасаа арван хувь бага бензин зарцуулах боломжийг олгож байгаа юм. Уг загвар 40.8 километрт нэг литр бензин зарцуулах нь одоогийн байдлаар дэлхийд номер нэг үзүүлэлт болоод байна.

Автомашины кузовын бат бөх чанар 60 хувь хатуу болж, хүндийн төв нь доошилсон байна. Үүнийг явах эд ангийг сайжруулснаар автомашины тав тух, тэнцвэрт байдал сайжирсан гэж компанийн зүгээс мэдээллээ.

Дөрөв дэх үеийн приусээс дэлхий даяар 300-350 мянган ширхгийг борлуулах зорилготой байгаа аж. Шинэ загварын приус ирэх оны нэг сараас худалдаанд гарч эхлэх юм байна. Шинэ загварын приусын энэ сарын борлуулалт зорилтот хэмжээнээс тав дахин их байгаа гэнэ. “Тоёота” компани одоогоор 60000 ширхгийн урьдчилсан захиалга аваад байгаа аж. Одоо захиалсан хүмүүс эхний ээлжинд гурван сарын дараа шинэ унаагаа хүлээж авах юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Э.Мөнхтөр: Эхнэр маань миний шаналал, зөрчлийг үргээж зөв тийшээ чиглүүлсэн хүн дээ

Жүжигчин Э.Мөнхтөртэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Тэрээр “А-Сарреllа” хамтлагийн дуучин бөгөөд “Амьдралын амт”, “Сайн уу, амьдрал минь”, “Тагнуулч аав”, “Эр хүн болгож өгөөч”, “Аюултай харилцаа”зэрэг дэлгэцийн уран бүтээлийн дүрүүдээр нь үзэгчид мэдэх билээ.

-Сургуулиа хэзээ төгсөж байв. Дуучин болно гэж ярьдаг байсан юм билээ?

-2001 онд арван жилээ төгсөөд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид орох сонирхолтой конкурст бэлдэж байлаа. Тэр үед Хөгжимт драмын жүжигчин гээд дотроо жүжигчин, дуучин, бүжигчин, хөгжимчин гэсэн дөрвөлсөн мэргэжилтэй мюзик холл гэх ангийн элсэлтэд анх удаа авах гэж байна гэсэн. Тэгэхээр нь тэр ангид конкурсдээд тэнцчихсэн хэрэг.

-Арван жилээ хаана төгсөв. Хэр хөдөлгөөнтэй хүүхэд байв?

-Миний хүүхэд нас, өсвөр нас нэгдүгээр хороололд өнгөрсөн. “Ирээдүй” цогцолбор сургуулийг математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Гансүх багшийн удирдлаганд төгсч байлаа. Урлагийн хүн гэхээрээ багаасаа нүүр хагарчихсан задгай байдаг гэж ойлгодог байх. Би их даруухан, ичимхий хүү байсан. Тухайн үедээ хичээл сургалтдаа л анхаарах ёстой гэж боддог байлаа.

-Оюутан байхдаа нэг ангийнхантайгаа “A-cappel­la” хамтлагийг байгуулсан гэл үү?

-Анх конкурсдэж байхдаа л нэг нэгнийгээ таньдаг болсон. Нэгдүгээр курсийнхэн нэг нэгнийхээ тоглолт дээр анхаарч туслах үе бий. Дуулдгууд нь нийлж дуулаад л, бүжиглэдэг нь нэгдээд л явна. Тэр дундаас бид дөрөв бие биенийхээ дуулж байхыг сонсоод тухайн үедээ “Камертон”-ы анхны хөгжимгүй хэдэн дууг дуулдаг байлаа. Дээрээс нь дээр үеийн “Воуs II men”,” All 4 оnе” зэрэг аккабэль чиглэлээр дуулдаг барууны хамтлагуудыг багаасаа сонсдог. Бүр хоолой хоолойгоор нь цээжилчихсэн байсан. Тэрийгээ нийлүүлээд л дуулдаг байлаа. Бид дөрөв тэрэндээ урамшаад л хамт дуулдаг болсон. Ангийнхан, хүмүүс их урам өгнө. Тэр цагаас хойш арав гаруй жил өнгөрчээ.

-Хамтлагийн урын санд хэдэн дуу байна. Одоо шинэ уран бүтээл гаргах уу?

-“A cappella” хамтлагийн хувьд 2009 онд 10 дуутай “А альбом” гээд цомог гаргаж байлаа. Цомгоос гадна 30-40 дуу урын санд маань бий. Тэр дотор байгуулагдаж байхдаа дуулдаг байсан хөгжимгүй аккабель дуунууд ч байгаа. Тэрийг СУИС-ийн Мөнхзаяа багш маань найруулж өгч байлаа. Орос, буриад дуутай. Тэр дуунуудаараа хойшоо Улаан-Үд рүү явж тоглолт хийж байсан.

Одоогоор хамтлагийн Одбаяр маань АНУ-д амьдардаг. Тэндээ 5-6 жил болж байна. Энэ хугацаанд хамтлагийн шинэ уран бүтээл хийсэнгүй. Урьд нь байсан уран бүтээлээ дуулаад л явж байна. Гэхдээ бас шинэ уран бүтээлээ ярилцаж, бэлдсэн зүйл ч байна. Яг хамтлагаараа нийлж суугаад ярих юм байгаа учраас тэр цаг мөчийг хүлээж байна. Ер нь бол уран бүтээлээ хийнэ. Тоглолт хийнэ гэсэн төлөвлөгөө бий.

-Сургуулиа төгсөөд ангиараа “Хувьсал” продакшн руу орсон байх аа?

-2005 онд сургуулиа төгссөн. Төгсөөд гарахад ажлын байр олдоход хэцүү шүү дээ. Амжилт гарахаар ажилд орно гэдэг том бэрхшээл. Тэр үед “Хувьсал” продакшны Г.Цоггэрэл ах биднийг төгсөх курст харсан байсан. Өмнө нь оюутан байхдаа драмын жүжгүүдэд, хошин урлагийн тоглолтод орж байлаа. Тэр бүгдийг харсан юм шиг байна лээ. Тэгээд биднийг дэмжээд “Хувьсал” продакшны үндсэн ажилчнаар авч шинэ өнгө төрх гаргахаар ажилласан юм. Энэ нь үнэхээр амжилттай болж, 2005-2007 онд нийтдээ дөрвөн жүжиг тавьсан. Түүний хажуугаар тоглолтуудад оролцдог байсан.

-Дэлгэцийн уран бүтээлд хэзээ оров. Анхны дүрээ яриач?

-2008 онд “Хувьсал” продакшнаас гараад хамтлагийнхан маань “Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл”-д харьяалагдсан. Нэгдэлд “Guys-666”, “Tv cocktail”, продюсер Томоо ах болон манай хамтлаг нийлээд уран бүтээл хийж эхэлсэн. Тус нэгдлийн анхны уран бүтээл “Сайн уу, амьдрал минь” кино байсан. Гурван хамтлагт зориулсан гурван хэсэгтэй. Түүний эхний хэсэгт гол дүрийн Эрхэм гэдэг залуугийн дүрд найруулагч Батболд ах намайг сонгосон. Тэр миний анхны дэлгэцийн уран бүтээл байлаа. СУИС-д байхад тайзан дээр л сургалт явагддаг шүү дээ. Төгсөөд бас тайзан дээр хоёр жил тоглочихсон болохоор дэлгэцийн уран бүтээлд тоглоход эхэндээ маш хэцүү байсан. Юмыг жаахан хэтрүүлж тоглоод байсан юм. Одоо харахад бас жаахан дутуу харагддаг. Тэрнээс хойш “Хайрын рекорд”, “Төрийн дайсан” гээд 20 гаруй кинонд гол ба туслах дүр бүтээсэн байна. Сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээлээр дагнаж байна.

-“Сайн уу, амьдрал минь” кинон дээр жүжигчин Цэнгэлтэй хамтарч тоглосон. Хэдэн жилийн дараа “Эр хүн болгож өгөөч” кинонд хамтарлаа. Хамтарч тоглоход ямар байв?

-“Сайн уу, амьдрал минь” дээр Цэнгэл хоёрдугаар курс, би төгсөөд дөрвөн жил болсон байсан үе. Бид хоёрын анхны кино. Хоёулаа кино гэж мэдэхгүй хамт тоглож байсан. Харин өнгөрсөн хавар хийгдсэн “Эр хүн болгож өгөөч” киноны хувьд цаг хугацаа өнгөрч, нас ч явсан байна. Хувь хүний өөрсдийн хөгжил насаа дагаад нэлээд нэмэгдсэн байсан. Өмнөхөөсөө арай туршлагатай болцгоосон байлаа. “Эр хүн болгож өгөөч” киноны зохиол нь их хүнд хэлбэртэй. Хүн хүнээ ойлгох, гэр бүлийн хайр гэдгийг харуулсан кино учраас хүмүүст их хүрсэн юм шиг байна. Над руу сүүлийн үед хүмүүс их ярьж байгаа. Уулзсан таарсан хүмүүс энэ киног их онцолж байна лээ. Үзээд уйлсан гээд сэтгэгдлээ илэрхийлсэн. Энэ киног сайн уран бүтээл болсон юм болов уу гэж хувьдаа тоогоод байгаа.

-“Эр хүн болгож өгөөч” кино таны хувьд хэцүү байв уу. Тэс өөр ертөнц шүү дээ?

-Жүжигчин хүн ямар ч дүрд хувирах чадвартай байх ёстой. Тахир дутуу залуугийн дүрийг би эхэндээ их амархан бодож байсан юм билээ. Төсөөлөхдөө болчихмоор л санагдсан. Сүүлд бодоод байхад би их наагуур бодсон байгаа юм. Зураг авалт үргэлжилж байхад их олон бэрхшээлтэй тулгарсан. Болохгүй юм их гарсан. Өмнөх энгийн амьдралтай кинонд гайгүй л байдаг юм. Тухайн үед дүрдээ амьдраад л явчихдаг байсан. Гэтэл “Эр хүн болгож өгөөч” киноны тахир дутуу залуугийн дүр амьдрал дээрх тахир дутуу хүмүүсийн сэтгэлд буух болов уу гэж бодсон. Тэр болгоныг бодож өөртөө их ачаалал өгсөн ч байж магадгүй. Тахир дутуу хүмүүсийг харж, эргэж санаж кинон дээрээ тусгахыг хичээсэн. Их хүнд хэсгийг хийхээр магадгүй тахир дутуу хүмүүсийг доромжлох гээд байгаа юм шиг зүйл их байсан. Аль болохоор үнэн харагдах гэж, тэр хүмүүсийн сэтгэл зүйг гаргахыг хичээсэн. Харагдах байдлаасаа ямар байгаагаа харуулахыг хүсээгүй. Тэрийг нь аль болох нуусан. Хамгийн гол нь сэтгэл санааны бэрхшээлийг нь харуулах гэж хичээсэн. Энэ маань хүмүүст харагдсан бол амжилттай л боллоо гэж бодож байна.

-“Аюултай харилцаа” киноны тухай яриач. Бас их сонин сэдэвтэй кино санагддаг?

-Энэ кино 2014 оны намар хийгдсэн кино. “Хас” медиа энтертайнментийн Хүсэлбаатар найруулагч зохиолоо бичиж найруулсан кино. Хүслээ ахыг би энэ сэдвийг хийх гэж олон сар, жил бодож, шатаж, шаналсан юм байна гэж бодсон. Сэдэв нь дэлхий дахинд гэр бүл нийгэмшиж амьдрахын тухайд маш их тулгамдсан зүйл. Хосууд гэр бүл болоод эхэндээ нэг нэгэндээ таалагдахын төлөө дэврүүн байдлаар бүх л сайн сайхнаараа харьцдаг. Хэсэг хугацааны дараа бие биенийхээ сайн, муу талыг илүү таньдаг. Хэн хэнийг нь өөрөөр задалж, тэр болгон дээрээс хоорондоо зөрчилдөнө. Магадгүй зарим дээр нь таардаг л байх. Гэр бүлийн харилцаа, салалт цаашилбал хүүхэд өнчрөлт, өрх толгойлсон эхчүүд гээд маш том асуудлуудыг хөндсөн кино. Ийм зүйл бага байгаасай гэдэг үүднээс бичиж, найруулсан хэрэг. Найруулагчийн энэ санааг би маш сайн ойлгож, хичээж ажилласан. Энэ бол амьдрал дээр байдаг зүйл. “Гарын таван хуруу” кинон дээр Шагдар гээд зогсч байдаг шиг өөрийгөө дэлгэцнээс толинд харж байгаа юм шиг өөртэйгөө ярилцаж, бодох хэрэгтэй. Тэр киног үзээд өөрийгөө засч чадвал уран бүтээлчдийн хийсэн зүйл нь амжилтад хүрч байгаа юм болов уу гэж би боддог. Тиймээс хүмүүс илүү ойр санагдах гэж л ажилласан.

-Гар нийлдэг найруулагч бий юу?

-Жүжигчин хүн ямар ч хүнтэй гар нийлдэг байх ёстой. Миний хоёр дахь дэлгэцийн уран бүтээл болох “Хайрын рекорд” киноны “Go” студийн найруулагч Д.Галбаяр ахыг нэрлэнэ дээ. Тухайн үед би ганцхан кинонд тоглоод жил шахуу завсарлаж байхад намайг тоогоод кинонд тоглуулсанд баярладаг. Галаа ахтай гар нийлж, ойлголцоход их амар байдаг. Намайг мэддэг, мэдэрдэг юм. Галаа ахтай “Хайрын рекорд”, “Тагнуулч аав”, “Тусгай ажиллагаа” болон ирэх онд нээлтээ хийх гэж байгаа “Шуугиан таригч” гээд кинонуудад хамтарч ажилласан. Галаа ах намайг “Миний жүжигчин” гэдэг юм. Ах нь кино хийх гэж байгаа шүү гээд л залгадаг. Өмнөх кинонуудад Галаа ах найруулагчаараа би жүжигчнээрээ ажиллаж байсан бол одоо нээлтээ хийх “Шуугиан таригч” кинон дээр Галаа ахтай хамтарч тоглож байгаа.

-Олны танил хүн биеэ зөв авч явах ёстой гэдэг. Гэхдээ сэтгэл бухимдах үе бий юу?

-Дэлгэцээр гараад хүмүүст танигдаад ирэхээр сайн, муу хоёр талтай байх юм. Зарим нь таараад сайхан кино болсон байна лээ баяр хүргэе, амжилт хүсье гэдэг. Нөгөө талаасаа илүү хараад эхэлдэг л дээ. Алдаа гаргах эрхгүй. Гудамжинд машин барьж байгаад тулахад би уурлаж болохгүй. Тэрний буруу байлаа гэхэд би олны танил хүн биш байсан бол уурламаар л байна ш дээ. Ухраач чи гээд орилмоор байна шүү дээ. Гэтэл хүн харж байгаа учраас чимээгүй өнгөрөхөд хүрдэг. Гэхдээ энэ байх л зүйл. Муу талаасаа илүү сайн, эерэг зүйл нь их.

-Сэтгэлдээ хүртэл тоглосон кино байгаа юу?

-Байхгүй. Тухайн үед кинонд тоглоход болоод байдаг юм. Тухайн үедээ сэтгэлд хүрчихээд нээлтэн дээр үзэхэд энэ үед тэгдэг байж гэх эргэлзээ төрдөг. Эсвэл нээлтэн дээр үзэхэд гоё санагдчихаад хэсэг хугацааны дараа өөрийгөө голдог. Одоогоор ханасан дүр алга байна.

-Гэр бүлээ танилцуулаач. Эхнэртэйгээ яаж танилцаж байв?

-Эхнэр, хоёр хүүхэдтэй. Хоёр хүүтэй. Том хүү маань гуравтай. Бага маань ойтой. Ганцаардаж, ханьгүйдээд юм жаахан утгагүй болдог үе байдаг шүү дээ. Миний хувьд шаналаад өөртэйгөө зөрчилдөж байх үед эхнэртэйгээ танилцаж байлаа. Эхнэр маань миний шаналал, зөрчлийг үргээж зөв тийшээ чиглүүлсэн хүн дээ.

-Э.Мөнхтөр гэдэг хүн өөрөө ямар үзэл бодолтой хүн бэ?

-Үнэн, зөв байх юмсан гэж боддог. Багаас эмээ, өвөө, ээж, аав маань тэгж л өсгөсөн. Хүн ер нь тэр үгээр нь явдаг юм шиг санагддаг. Заримдаа асуудал тулгарахад бага байхад эмээ, өвөөгийн хэлж байсан үг л бодогддог юм билээ. Би анх удаа гадаад орон руу буюу урагшаа Хятад руу явахаар болоод өвөөд хэлсэн юм. Тэгсэн чинь өвөө “За миний хүү хүний газар нэрээ, олны дунд үгээ бодож яваарай” гэж хэлж билээ. Өвөө маань одоо 94-тэй хөгшин бий. Одоо болтол тэр үгийг нь би бодож явдаг. Үхэхдээ харамсах зүйлгүй байхсан гэж боддог.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Ерөнхийлөгчийн мэндчилгээнд оролцсон. Нэгдүгээр сарын 1-нд нээлтээ хийх “Шуугиан таригч” кинонд оролцсон байна. Энэ кино маань инээдмийн кино учраас он гарсны дараа стрессээ тайлж, шинэ оноо инээд хөөртэй, итгэлтэйгээр угтаасай гэж хүсч байна. Тэгж уриалмаар байна.

Миний хувьд өнгөрсөн онд хэд хэдэн уран бүтээлд тоглосон байна. Зун зургадугаар сард СУИС-ийг хамт төгссөн Хөгжимт театрын ангийнхан маань арван жилийн ойдоо зориулж уран бүтээл хийсэн. Энэ киноны арын ажил нь дуусаад хэзээ гарах нь тодорхойгүй байна. Он гараад нээлт хийх байх. Дээрээс “Prime pictures”-ын уран бүтээлд тоглосон. Тэр маань одоо удахгүй гарах байх. Өнгөрч буй оноо нэлээд хэдэн уран бүтээл дээр ажиллаж өнгөрөөлөө. Мөн шинэ ондоо энэ уран бүтээлүүдээрээ угтаж байгаадаа баяртай байна. Шинэ он гараад ч уран бүтээлийн санал ирчихсэн байна. Он гарсны дараахан уран бүтээлдээ орох байх.

-Ирээдүйн төлөвлөгөө?

-Төгсөөд арван жил боллоо. Дэлгэцийн уран бүтээл дээр ажиллаад долоон жил болж. Олон ч студи, продакшнтай хамтарч ажиллалаа. Тэр болгон дээр хүмүүсийн шинээр сэтгэж байгаа ололт амжилтыг харлаа. Энэ бүхний дүнд өөрийнхөө нэг бүтээлийг хийе гэж бодоод байгаа юм. Тэр нь дэлгэцийн уран бүтээл байх болов уу. Өөрийгөө жаахан сорих гэсэн юм. Хүний уран бүтээлд ороод яваад байхаар амжилт гаргасан ч хүнийх, алдаа гаргасан ч хүнийх л болоод байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Шинэбаяр: Ромеод тоглоход төрсөн айдас жүжгийн хаалтын үеэр л бага зэрэг дарагдсан

УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяртай ярилцлаа.

-“Ромео Жульетта” жүжгийн Ромеогийн дүрд тоглосон сэтгэгдлээ хуваалцаач. Яаж энэ дүрд сонгогдсон юм бэ?

-Наймдугаар сарын 17-нд ерөнхий найруулагч Н.Наранбаатар нийт уран бүтээлчдийг цуглуулж хурал хийгээд дүр хуваарилалт хийсэн. Ингээд надад “Ромео Жульетта” жүжгийн залуучуудын хайр дурлалын бэлгэ тэмдэг болсон Ромеогийн дүрийг өгсөн. Гол дүр аваад баярлаж байсан ч хамгийн түрүүнд энэ их итгэл найдвар, хариуцлагыг алдахгүй юмсан гэдэг айдас төрсөн. Гурван сарын турш сургуулилт хийж, найруулагчдаа загнуулах заримдаа магтуулах үе байсан. Арваннэгдүгээр сарын 12-нд Улсын драмын эрдмийн театрын 85 жилийн ойгоор “Ромео Жульетта” жүжгийн нээлтийг хийсэн. Жүжгийн нээлтийн үед маш их сандарсан. Энэ өдрийн тоглолтод алдах вий, үг буруу хэлчих вий гэх эмээлт байсан. Энэ жүжиг 20 жилийн дараа тайзан дээр дахин тоглогдож байгаа учраас надад маш их хариуцлага ирсэн хэрэг. Нээлтийн тоглолтын дараа сэтгэл бага зэрэг тайвширсан ч дараа дараагийн өдөр үзээгүй үзэгчид үзэж шүүх учир хариуцлага маань хэвээр байсан. Нэг тоглолтоос дараагийн тоглолт болгонд сургуулилт хийж байгаа юм шиг шинийг эрэлхийлж байлаа. Хаалтын тоглолт болж, айдас маань бага зэрэг дарагдсан ч гэсэн хариуцлага дуусаагүй л байна. Ромеод тоглосон маань цаашдаа өөр уран бүтээл дээр тоглох хүсэл мөрөөдөл эрмэлзлийг маань эрчилж өгсөн.

-Энэ удаагийн Ромео өмнөх Ромеонуудаас юугаараа өөр вэ?

-Өмнөх Ромеонууд бол тухайн зууныхаа хувцас, хэрэглэл, тавилтуудаар тайзнаа амилсан. Энэ удаагийн бүтээлийн хувьд шинэ дэг тавилттай, театрын урлагт хөдөлгөөний шинэчлэл хийж байгаа гэх мэт олон онцлогтой. Орчин цагийн шинэлэг гэдэг утгаараа өмнөх Ромеонуудаасаа тэс ондоо байлаа.

-Та “Аав” киноны гол дүрд тоглосны дараа “Ромео Жульетта” жүжигт тоглосон. Тухайн үед аав, ээжийн тань сэтгэгдэл ямар байсан бэ?

-Миний амьдралын зорилго Баасанбуугийн Шинэбаяр гэдэг энэ алдар, овгийг кино болон тайзан дээрээс дуудуулах. Эцэг, эх хоёртоо төрүүлж өсгөсөн хүүхэд нь өдий зэрэгтэй явж байгааг харуулна гэдэг миний хувьд асар их аз жаргал, баяр баясал. Ээж аав хоёр маань надад урмын үг хэлдэг л дээ. “Аав” киноны гол дүрд тоглоход аав, ээж маань их баярласан. “Ромео Жульетта” жүжгийн нээлтэн дээр ирээд түүнээс илүү баярлаж, олон сайхан урмын үг хайрласан. Дэлгэцийн уран бүтээл болоод тайзан дээр гол дүрд тоглосон учраас бахархах сэтгэл төрсөн гэсэн.

-Жульетта буюу хамтрагчтайгаа хэр нийцтэй байв?

-Дөлгөөн бид хоёр үнэхээр сайн гар нийлдэг. Сургуулилт хийх гурван сарын хугацаанд бие биенээ мэдэхийн тулд байнга хамт байдаг байлаа. Одоо нэг нэгнийгээ сайн ойлгодог болсон. Зүв зүгээр байгаа хоёр хүнийг тайзан дээр гаргаад хайр аа гээд дуудуулаад байна гэдэг сонин биш. Гол нь тэр хоёр бие биедээ дасч, сайхан занг нь мэдэж байж тухайн жүжгэн дээр хамтарч ажиллахад илүү амар байна шүү дээ.

-Ромеод тоглоод охид, бүсгүйчүүдээс хэр их захиа авч байна?

-Гудамжинд таараад, фэйсбүүкээр ч баяр хүргэе, сайхан уран бүтээл болсон байна гэх урмын үгс хэлдэг.

-Драмын театрт ажиллах ямар байна вэ. Шалгуур өндөр гэдэг шүү дээ. Ямар уран бүтээлүүд дээр ажилласан бэ?

-Ер нь бол босго өндөртэй. Тухайн хүн өөрөө асар их хичээж, их хөдөлмөрлөж байж оршин тогтноно. Тийм учраас маш их хөдөлмөр, хичээл зүтгэл, сэтгэл хэрэгтэй. Би 2014 оноос Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллаж эхэлсэн. Өмнө нь “Гамлет”, “Тэнгэрийн хүү”, “Парисын дарь эхийн сүм” жүжигт олны хэсэг болон дүр нөхөлтүүд дээр ажилласан байна. Энэ удаагийн “Ромео Жульетта” жүжиг бол миний хамгийн анхны гол дүр дээр ажиллаж байгаа сонгодог бүтээл.

-Хэдэн онд сургуулиа төгссөн бэ. Яагаад жүжигчин болохоор шийдэж байв?

-Энэ мэргэжлийг багаасаа хүсч мөрөөдсөн юм. Жаахан байхаасаа зурагтаар жүжигчдийг хараад жүжигчин болъё гэж боддог болсон. Тэгээд ч урлаг спортын арга хэмжээнд идэвхтэй оролцдог хүүхэд байлаа.

Соёл урлагийн их сургуулийг 2013 онд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Л.Дэмидбаатар багшийн удирдлага дор суралцаж төгссөн юм. Одоо бодоход багш маань намайг дөрвөн жилийн хугацаанд театрын урлагт бэлтгэж байжээ.

-Анхны уран бүтээлийнхээ талаар яриач?

-Анх 2012 онд “19” кинонд тоглож байлаа. Монголын гурван том найруулагч “19” киног 30, 30 минутаар гурван хэсэг хувааж найруулсан юм. Энэ киноны хамгийн сүүлийн хэсгийг найруулсан И.Нямгаваа найруулагчийн хэсэгт тоглож байсан. Тэр үед ерөнхий найруулагч нь Нямгаваа гуай, нэгдүгээр найруулагчаар нь Сэнгэдорж ах ажилласан. Тухайн үед Сэнгэдорж найруулагчаас их юм сурсан даа. Миний хамгийн анхны уран бүтээл байсан болохоор их дурсамжтай санагддаг. Бас хайрладаг юм.

-Театрт орохоосоо өмнө хэдэн кинонд тоглосон бэ. “Аав” кинонд анхны гол дүрээ мөнхөлсөн шүү дээ. Тэр дүрээ өөртэйгөө төстэй гэдэг юм билээ?

-“Хязгааргүй”, “19”, “Учрал”, “Аав” зэрэг таван кинонд тоглосон байна. “Учрал”, “Аав” киноны дүрүүд аль аль нь миний амьдралтай ойр. “Аав” кинон дээр гардаг шиг амьдралын төлөө зүтгэдэг, зөөлөн талдаа хүн. Дээр нь нэлээн тайван зантай.

-“Аав” кинонд яаж сонгогдож байв?

-Ц.Цэрэнболд ах, зохиолч Энхдалай ахтай манай өрөөнд уулзаж байхад нь би өрөөндөө хальт ороод мэндлээд гарсан юм. Тэгэхэд яг Цэрэнболд ах “Энэ хүүхэд шүү дээ” гээд ярьж байсан. Дараа нь найруулагч Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд нар “Аав” гээд кино хийх гэж байгаа. Ц.Цэрэнболд ахын залуу насны дүрд чамайг харж байгаа гэсэн. Тэгээд л тоглохоор болсон доо.

-Тоглолт бүрийг нь харж үлгэрлэл авдаг жүжигчин бий юу?

-Л.Дэмидбаатар багшаасаа, Ц.Цэрэнболд, Г.Эрдэнэбилэг ах нараасаа үлгэр дуурайл авна. Ер нь бол ахмад уран бүтээлчдээсээ үлгэрлэл авна шүү дээ. Ялангуяа урлагийн хүмүүс гудамжаар явж байхдаа хүртэл ёс зүйтэй байх хэрэгтэй учраас суралцах зүйл их байдаг.

-Үзэх дуртай киногоо нэрлээч?

-Хамгийн дурсамжтай кино гэвэл миний хувьд “The Notebook” байдаг юм. Тэгээд “Бригада” олон ангит кино байна. Хэд ч үзсэн уйддаггүй кино шүү.

-Чөлөөт цагаараа юу хийж өнгөрөөдөг вэ?

-Чөлөөт цагаараа өөртөө хэрэгтэй зүйлийг хийх дуртай. Жүжигчин хүн үзэгчдээсээ, нийгмээсээ нэг алхам түрүүлж алхах ёстой гэдэг утгаараа цаг зав гарвал аль болох өөрийгөө хөглөж, хөгжүүлэхийг боддог. Ер нь залуу хүн завгүй байхдаа сайхан. Хэтэрхий задгай, чөлөөтэй байдал руу ороод ирэхээр хүн лазантаж эхэлдэг. Хүн завгүй байх тусам ямар ч зүйлийг хийж амжуулаад байдаг. Завтай байх үед хоёр ажил давхцахад тэгж байгаад хийчихнэ гээд хойшлуулаад байдаг юм билээ. Өнөөдөр хийх ажлаа өдөрт нь хийх хэрэгтэй. Залуу хүн эрч хүчтэй, сэргэлэн цовоо, бүтээлч, хөдөлмөрч ер нь завгүй байх хэрэгтэй гэж боддог. Ийм байвал илүү их амжилтад хүрдэг болов уу.

-Өөрийгөө хөгжүүлдэг гэж ярьж байсан?

-Он гараад хэлний сургалтад түлхүү сууж эхлэх гэж байна. Англи, Орос хэлээ сайжруулна. Ялангуяа монгол хэл дээр орчуулагдаагүй байгаа зарим гоё зохиолыг төрөлх хэл дээрээс нь уншаад ойлгодог болчихмоор байна.

-Хайрын тухай кинонд тогловол эмэгтэй хамтрагчаар хэнийг сонгомоор байна. Ийм сэдэвтэй кинонд тоглох уу?

-Яг хэнийг гэхээ хэлж мэдэхгүй байна. Гэхдээ залуучуудад хайрыг харуулсан үнэ цэнтэй кинонд тоглохыг хүсч байгаа.

-Цаашдаа тоглохыг хүсдэг дүр бий юу?

-Өнөөдөр би Ромеод тоглосон шүү дээ. Дараа нь хүмүүс намайг хараад энэ чинь хэн билээ нөгөө Ромеод тоглосон залуу байна шүү дээ гэж дуу алдахаар эрс өөр дүр бүтээхийг хүсч байна. Аль болох өөрийгөө эвдсэн, өөр өнцгөөс харуулсан дүрүүдэд тоглохыг хүсдэг.

-Киноны санал ирж байгаа юу?

-Ирж байгаа. Мэдээж театрын ажлаа нэг номерт тавина. Театрын ажил давхцахгүй бол зав чөлөөгөө харж байгаад кинонд тоглож болно.

-Ойрын үеийн төлөвлөгөө юу байна?

-Театрынхаа ажлыг харж байгаад он гарахаар нэг кинонд орох бодолтой байна.

Categories
мэдээ цаг-үе

Г.Эзэнмөнх: Би ирэх онд гадаад төрхөө зоригтой өөрчилнө

“Эмоци” продакшны жүжигчин
Г.Эзэнмөнхтэй ярилцлаа.

-“Эмоци” продакшн “Гурван
найз”, “Их хотын залуус” гээд олон ангит киногоор дагнаж байна аа?

-Боловсрол суваг телевизтэй
хамтарч “Эмоци” продакшны захирал Төтө, Тэмка нар ярилцаад анх “Гурван найз”
киног хийсэн. “Гурван найз” үзэгчдийн дунд эрэлттэй байсан учраас бүрэн
хэмжээний кино бас хийгдсэн. “Их хотын залуус” киног гаргаад одоо үзэгчдийн
хүртээл болоод явж байна.

-Та “Их хотын залуус” киноны Сайханаа
гэх залуугийн дүрд тоглож байгаа. Дүрийнхээ талаар яриач. Зан аашийн хувьд
амьдралтай чинь хэр ойр вэ?

-Жүжигчин хүн баримлын шавар
шиг байх ёстой. Магадгүй хүмүүсийн үзэн яддаг дүр эсвэл эерэг хандлага дагуулах
дүрд тоглох нь бий. Сайханаа гэх залуугийн хувьд сэхүүн зан ааштай. Би нүд
хөмсөг сайтай. Амьдрал дээр юм бодоод хөмсгөө зангидаад явж байхыг хүмүүс
харчихаад их зантай гэж ойлгоод байдаг. Би хүүхэд байхдаа, оюутан байхдаа ч,
амьдрал дээр гарахдаа ч миний байгаа байдал ийм л байсан. Хүмүүс намайг
мэдэхгүй учраас кинонд тоглоод хүн таньдаг болоод ирсэн чинь их зан суучихаж
гээд байдаг. Би төрийн байгууллагад ажилладаг хүний хувьд янз бүрийн илүү дутуу
зан байхгүй. Сайханаагийн дүрийн хувьд их зантай байх нь миний төрхтэй ойролцоо
байх. Тэрнээс би Сайханаа шиг баян цатгалан биш. Одоо би сайхан л амьдарч байна
л даа. Цалингаа аваад эхнэр хүүхдэдээ зарцуулаад бусдын адил л амьдардаг нэгэн.
Бусдын нүдэн дээр ил тод байдаг учраас хэрэглээ өндөр байж магадгүй. Би
зурагтаар гардаг л ажил хийдэг хүн болохоос бусдаас илүү гарсан, дутуу байгаа
зүйл алга. Сайханаагийн дүрийг би гаргахыг л хичээсэн.

-“Их хотын залуус” кино хэдэн
ангитай вэ?

-40 ангитай. Арванхоёрдугаар
сарын 31-ний орой 40 дүгээр анги нь гарна. Шинэ жилийн тусгай зураг авалт
үргэлжилж байгаа. Кинонд хүмүүсийн таних “Гурван найз” киноны Цэкү “Их хотын
залуус”-т оролцох жишээтэй. Энэ мэт нууцаас задалбал өөр киноны дүрүүд “Их
хотын залуус”-ын баярын дугаарт он солигдох мөчөөр гарах болно.

-Та “Эмоци” продакшнаас гадна
төрийн байгууллагад ажилладаг гэсэн. Хаана ажилладаг вэ?

-Мэдээллийн технологи шуудан
харилцаа, холбооны газар ажилладаг. Энэ том их айлын салбар харьяа Монгол
шуудан төрийн өмчит компанид Бизнес хөгжлийн хэлтэс буюу Маркетингийн хэлтэст
мэргэжилтэн хийгээд дөрвөн жил болж байна. Залуу хүн байна ядрах, шантрахыг
хойш тавьчихаад л ажиллаж байгаа. Хааяа ядраад нүд анилддаг л юм. Ажлаа тараад
л тоглолтын бэлтгэлтэй байна. Гэр бүлдээ зарцуулах цаг зав бага. Гэр бүлийн хүн
маань хагас, бүтэнсайныг завтай байлгаж өгөөч гэж гуйдаг талаараа тоглоом
болгож ярьж байсан удаа бий.

-Мэргэжлээ яаж сонгож байв.
Багаасаа жүжигчин болно гэж ярьдаг байсан гэдэг юм билээ?

-Би Улаанбаатар хотод нэгдүгээр
төрөх эмнэлэгт төрсөн. Манай аав Дорноговь аймгийн Алтанширээ сумын хүн учраас
бага нас маань Дорноговь аймгийн төв дээр өнгөрсөн. Аав маань тухайн үед
байгууллагын дарга байсан мөртлөө бүх ажилчдаа суулгаж байгаад арга хэмжээ
болбол өөрөө хөтлөөд дуулчихдаг байсан. Хүүхдийн баяраар алиалагч болчихно.
Өвлийн өвгөн болоод ажилчдадаа бэлэг өгчихдөг байсан. Тэр нь надад их хүрсэн.
Манай ээж ардын шанз, хуучир, орчин үеийн хөгжмөөс гитар, мандолина гэх
хөгжмүүдийг сайн тоглодог юм. Аав, ээж хоёр маань сайхан дуулна. Манай гэрт
мэргэжлийн урлагийн хүн бараг байхгүй л дээ. Би арван жилдээ их хөдөлгөөнтэй хүүхэд
байсан. Бүжиглэдэг, дуулдаг, ямар тэмцээн болно оролцчихсон л явдаг байлаа.
Сагс байсан ч орно. Дорноговь аймгийн анхлан санаачилсан хүүхдийн “Яргуй”
наадамд их ордог байсан. Тэгээд л би ерөөсөө л жүжигчин болох юм байна гэж
бодсон.

-Шууд ирээд л шалгалтаа
өгчихсөн үү?

-Арван жилдээ олон жил монгол
бүжиг бүжиглэсэн. Манай бүжгийн Түвшин багш маань хотод очоод УДЭТ-ын Түвшинхүү
гэдэг хүнтэй уулз гэсэн. Ирээд УДЭТ-д 20 хоног Түвшинхүү ахын заавраар бэлдэж
байгаад шалгалтад орсон. Нэгдүгээр түүвэртээ тэнцсэн үгүйгээ харахаар ирсэн
чинь миний нэр байгаагүй. Тухайн үед ч би тэнцсэнгүй, одоо өөр ажил хийх юм
байна даа гэж бодож билээ. Нэг л итгэж өгдөггүй дахиад эхнээс нь харсан чинь
нэгдүгээрт жагсчихсан байсан. Нэгд харахгүй доошоо хараад байсан хэрэг л дээ.
Баярласан гэж. Тэрнээс хойш бэлдэж байгаад хоёрдугаар түүвэрт ороод дөрөвт
жагссан. Тэгээд л СУИС-д орж байлаа. 36 хүүхэд нэг анги болж орж байсан ч 16
хүүхэд төгссөн юм.

-Танай ангийнхан урлагт хэр
гялалзаж яваа вэ?

-Тэмүүжин бид хоёр нэг анги.
2003 онд Ардын жүжигчин Лхамхүү багшийн удирдлагад “Авьяаслаг монголчууд”-ыг
хөтөлсөн Анхбаяр, УДЭТ-д байсан Ганцэцэг, “Маск” продакшны Алдар, Оюунцэцэг,
“Х-түц”-д байсан Туяа, “Шинэ үе”-д байсан Алдармаа бид нар нэг багшийн шавь
нар. Манай ангиас 16 хүүхэд төгссөн гэхэд 90 хувь нь мэргэжлээрээ ажиллаж
байгаа шүү. Үлдсэн хэд нь гэр бүл зохиогоод одооноос л уран бүтээлд орно гэж
байна лээ.

-Хэсэгтээ кино урлагаар явжээ?

-2007 онд төгсөөд Эрдэнэбулган
найруулагчийн “Үхэж үл болно, Чингис хаан” кинонд явах том боломж олдсон. Тэр
кинонд би туслах найруулагчаар очсон. Тэр том киног яаж хийж, бүтдэгийг харж,
танилцсан. Түүний дараа 2009 онд анхны гол дүр болох “9009” уран сайхны кинонд
тоглосон. 2010, 2011 онд хувиараа нэвтрүүлэг хийдэг байлаа. 2011 онд “Миний муу
аав” киноны туслах дүрд тоглосон.

2012 онд Боловсрол суваг
телевизийн “Хувь тавилангийн ээдрээ” олон ангит киноны гол дүрд ангийн анд
Тэмүүжинтэй хамтарч тоглож байлаа. Энэ кино миний хувьд хоёр дахь том бүтээл
маань байсан. Ингэж ажиллаж байхдаа УДЭТ-т гэрээт жүжигчнээр ганц нэг жүжгэнд
гарч үзсэн. Энэ нь миний хувьд нэр төрийн хэрэг, сайхан ч байсан. Театрт огт
байгаагүй жүжигчдийг бодвол театрт хоёр, гурван жүжиг дээр ядаж ороод гардаг
дүрд тоглосондоо миний сэтгэлд их өег байдаг. Театр гэдэг босго өндөртэй том
айл шүү дээ. Сүүлд “Хувь тавилангийн ээдрээ” кинонд тоглож дуусаад “Эмоци”
продакшн байгуулагдсанаас хойш хамтарч ажиллаж байна.

-Жүжигчин болсноос хойш
сэтгэлдээ хүртэл тоглосон дүр бий юу?

-Байхгүй. Миний тоглохыг хүсдэг
кино бол Tom Hanks-ын тоглодог арал дээр ганцаараа үлддэг кино. Тэндээс л тэр
хүний авьяас тултал гарна гэж боддог. Миний бодлоор түүхэн киноны хаан, баатар
гэхээсээ тийм кино сонирхол татдаг. Одоогоор сайхан залуу Сайханаагийн дүрд
тултал тоглосон гэхгүй. Дөнгөж л эхэлж суралцаж байгаа учраас би яагаа ч үгүй,
ханах болоогүй байна. Хэзээ ч ханаж болохгүй. Үргэлж
салбартаа илүү л байх ёстой. Ер нь урлагийн хүн өлөн байх хэрэгтэй. Үргэлж
өлөн байж амжилтад хүрэх байх гэж боддог.

-Та хошин урлагийг яагаад
сонгосон юм бэ?

-Монголд хошин урлаг байр
сууриа олчихсон том зах зээл шүү дээ. Жүжигчин хүн учраас аль нэг юманд
харьяалагдах хэрэгтэй. Найз нөхдөө дэмжих хэрэгтэй. Өөрөө би дуртай учраас л
сонгосон хэрэг. Хүн дуртай ажлаа хийхдээ илүү гэрэлтэж, аз жаргалтай байдаг шүү
дээ.

-Таныхаар УДЭТ-ын театр, хошин
урлаг, дэлгэцийн урлагийн ялгаа юу вэ?

-Магадгүй театр, хошин урлагт
байсан бол намайг хэн ч мэдэхгүй. УДЭТ-т орох гэж олон залуус хүчээ үзэж хэн
авьяастай нь л тодорно. Телевиз бол шууд маркетинг. Театр хүнд шалгуураар гарч
ирдгээрээ л ялгаатай байх. Хошин урлаг ч театртай ойролцоо шүү.

-Хүмүүс таныг хошин урлагийн
хүн юм чинь хөгжилтэй зүйл яриач гэдэг үү?

-Тэгдэг. Надад тэгж хэлсэн хүн
маань эмч байвал алив чи намайг нэг эмчлээдэх дээ гэдэг юм. Цагдаа хүн байвал
чи намайг байцаагаадахаач гэдэг юм. Өмнөөс яаж байгаа юм гээд байдаг. Хүн
болгон хөгжилтэй байгаач гэхээр жаахан хэцүү. Энгийн үедээ энгийнээр баймаар
санагддаг юм.

-Та чөлөөт цагаараа юу хийдэг
вэ?

-Надад чөлөөт цаг гэж бараг
байхгүй. Зав гарвал гэр бүлийнхэнтэйгээ хамт байхыг хичээдэг.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Гэр бүлийн хүнийг маань Уянга
гэдэг. МУИС-ийг физик, мэдээлэл зүйн багш мэргэжлээр төгссөн. Энгийн, даруухан
бүсгүй бий. Бид хоёр хөөрхөн охинтой. Охиныг маань Эзэнмөнхийн Есүй-Үжин
гэдэг. Нэлээд эрх талдаа. Би өөрөө эцгийн хайрыг 11 жил л амссан хүн. Аавыгаа
багадаа алдсан даа. Өөрөө аав болчихоор өөрөө амсаагүй хайрыг хүүхдэдээ өгнө
гэж боддог. Эхний дөрвөн жил охиноо гар дээрээ бөмбөрүүлнэ. Ухаан суугаад
ирэхээрээ өөрөө юу хийхээ мэддэг болчихно шүү дээ. Одоо охиноо заавал цэцэрлэгт
нь хүргэж өгч, авдаг юм.

-Найзуудынхаа талаар яриач.
Голдуу урлагийнхан байгаа юу?

-Би суруулиа төгсчихөөд “Миний
найз хэн юм бэ” гэсэн шүлэг бичсэн юм.

“Нар намайг зөөлөн ивээж найз
чамайг үргэлж санагдуулах юм

Намайг та нар хэн гэж боддог юм
найз чинь мөн үү би

Өсөхдөө бид цэцэг шиг ургасан
өнөөдөр та нар өнгөлөг байна

Өтлөхдөө харин өнгөөрөө
байгаарай дахиж ургахдаа хөрсөнд унаарай

Уулзахгүй удахаар новшийн найз

Уулзаад уухаар сайн найз

Мөнгө нь дуусахаар хэрэггүй
найз

Мөлжөөд байхаар хогийн найз” гэж
бичиж байлаа. Хараад байхад он цагийн аясаар шүүгдсээр хэд нь л үлдсэн байна.
Зүрхний хэдэн найз бий. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын Энхбаатар, Цэцэн-Эрдэнэ,
Хашхүү гээд дурдаад байвал олон. Зарим нь гадаадад байдаг юм. Цаг зав бага, хаа
нэг найзуудтайгаа уулзах юм. Манай үеийнхэн бүгд л ажил амьдрал нь тогтчихсон,
төвлөрч байгаа хүмүүс бий. Заавал урлагийн биш бүх салбарт л байна даа.

-Танд киноны санал их ирдэг үү?

-Мэр сэр ирдэг юм. Туршлагатай
сайн найруулагчийн кинонд оролцвол дээр юм болов уу гэж боддог. Түүхэн санал их
ирнэ. Завтай үедээ тоглодог. Би ер нь хүмүүстэй их нээлттэй харилцаатай.

-Ойрын үед ямар төлөвлөгөөтэй
байна?

-2016 оны төлөвлөгөөг
гаргачихсан байгаа. Он гарсны дараа гадаад байдалдаа өөрчлөлт хийх санаа байна.
Байрныхаа тохижилтод өөрчлөлт хийнэ. Урлаг уран бүтээл дээрээ ч бас төлөвлөсөн
юмнууд байна. Мэдээж хамтлагийн ажлуудад оролцоод явна. 2016 онд зоригтой
алхмууд хийх бодолтой байгаа.

Categories
мэдээ нийгэм

О.Доржханд: Цөс өвдөх л юм бол хамгийн түрүүнд чулуутай эсэхээ тодорхойлуулах ёстой

“Докамед” эмнэл­гийн захирал клини­кийн профессор тэргүү­лэх зэрэгтэй, хоол боловс­руулах замын эмгэгийн эмч О.Доржхандтай ярилцлаа.

Хүний биед цөс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Цөс нь хэвлийн хөндийд байдаг 8-12 см урт, 3-5 см өргөн, 40 см3 багтаамжтай лийр хэлбэртэй эрхтэн. Цөс хүний биед хоол боловсруулах үүрэгтэй. Ходоодноос хүчил, нойр булчирхайгаас фермент, цөснөөс цөсний хүчил ялгарч нарийн гэдсэн дэх хоол боловсруулалтад оролцдог юм. Цөс нарийн гэдсэнд байгаа хоолтой орж ирсэн бактерийг үхүүлэх үүрэгтэй. Товчхондоо цөс хоол боловсруулалтад оролцохоос гадна бактер устгах үйл ажиллагаатай. Цөс элгэн дотор үүсдэг ч цөсний хүүдий цөсийг хадгалах үүрэгтэй. Хүүдий дотор байгаа цөс элэгнээс гарч байгаа цөснөөс 3-5 дахин өтгөрч байж хоол боловсруулалтад оролцдог. Цөс өтгөрч, чулуужлаа гээд байдаг. Энэ нь элэгнээс гарч байгаа цөс болон цөснөөс гарч байгаа хүчил тодорхой хэмжээгээр зогсонгошилд орж байна гэсэн үг.

-Цөс яаж өтгөрдөг юм бэ?

-Хүнд хоол идсэнээс болно. Нэг дор их идэх эсвэл удаан өлөн явснаас цөс ялгарах ёстой хэмжээнд хүрдэггүй. Энэ нь цөс өтгөрөөд байна гэсэн үг. Манайхан хүнд махан хоолнууд их хэрэглэдэг. Хэдийгээр цөс өөх тос боловсруулах гэж хүний биед үүсдэг ч гэсэн тодорхой хэмжээтэй байх ёстой. Өдөр болгон мах өөх тос, нүүрс устай бүтээгдэхүүн хэрэглэх нь цөсний хүүдийд тодорхой хэмжээний ачаалал үүсгэдэг гэж ойлгох хэрэгтэй. Гэдэсний ханаар тосонд уусдаг амин дэм, холестериний хүчлийн шимэгдэлтийг ихэсгэдэг үйлчилгээтэй. Шингэн бага ууж, дандаа махан хоол идээд байвал цөс өтгөрч, өтгөрсөн цөснөөс чулуу үүсдэг. Цөсний чулуу нэгэнт үүсэх хүртлээ явчихсан байвал болгоомжлох хэрэгтэй. Цөс өвдөх л юм бол хамгийн түрүүнд та чулуутай эсэхээ тодорхойлуулах ёстой. Чулуутай байгаад дур мэдэн эмчилгээ хийвэл суваг хаагдаж эрсдэл үүсэх тал бий.

-Цөс өтгөрөх үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Цөс мэдрэмтгий эрхтэн учраас баруун талын гар, мөрөөр дамжиж өвддөг. Мөн баруун далны доогуур, тохойны хонхорхой өвдөнө. Баруун хавирганы нуман доор цөс байрладаг ч өвдөх өвчлөл нь өөр газруудаар мэдрэгдэнэ. Бүр мэдрэг хүмүүс баруун хавирганы доор юм хүндрээд байна гэж мэдэрдэг. Цөс өтгөрөөд өвдөх хүртлээ хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой учраас ходоодны биет шинж буюу дотор муухайрах, цээж гашуун оргих, хоол шингэхгүй удах зэрэг шинж тэмдэг илэрсэн байдаг. Цөсний өвчлөлтэй, чулуутай хүмүүсийн ходоод эрүүл байна гэж бараг байдаггүй. Ходоодоороо дамжуулж хоолоо иддэг учраас тэр л дээ. Дээрх шинж тэмдэг илэрвэл заавал эмчид хандах хэрэгтэй. Үүнийг эмч үзээд ходоодноос илүү давамгайлсан эсэхийг шинжилгээгээр гаргадаг. Үүний дараа эмчилгээгээ хийх тактикийг гаргана.

-Яаж сэрэмжлэх вэ?

-Шингэн юм сайн ууж, цөсөө угаах хэрэгтэй. Ялангуяа өвлийн улиралд мах иддэг учраас хавар нь заавал цөсөө угаах эсвэл цөс хөөх эм хэрэглэх хэрэгтэй. Энэ нь урьдчилан сэргийлэх арга юм. Нэгэнт цөсний чулуутай болсон тохиолдолд дур мэдэж эмчилгээ хийж болохгүй. Заавал эмчид хандах хэрэгтэй. Мэргэжлийн эмч дотроо хоол боловсруулах замын эмчид хандах ёстой.

-Цөсний чулуутай бол угааж болохгүй гэдэг үү?

-Цөс угаахыг хүмүүс цөсний хүүдийг цэвэрлэдэг гэж ойлгоод байдаг. Тийм биш. Нарийн гэдсэнд байгаа цөсийг хөөгөөд тэгснээрээ үйл ажиллагааг нь хурдасгах ажил хийж байгаа хэрэг. Цөсний үйл ажиллагааг хурдасгаж байхдаа чулуу цөснийхөө сувгийг бөглөх аюултай учраас угаах үйлдлийг хийхгүй байх хэрэгтэй. Харин цөс хөөх эмнүүд хэрэглэхэд зарим нэг холестериний гаралтай чулууг буталж, жижиг болсны дараа цөсний сувгаар гарах боломжтой.

-Цөсөө авахуулах нь зөв үү?

-Манайд одоо бүх эмнэлгүүдэд дурангийн хагалгаа хийгдэж байгаа. Дурангаар цөсний хүүдийг авч байгаа хэрэг. Хүний биед илүү эрхтэн гэж байдаггүй. Хүмүүс чулуутай бол нэг мөсөн цөсөө авахуулчих гээд байдаг. Тийм биш шүү. Хэдийгээр элэгнээс цөс гарч байгаа боловч цөсний хүүдий дэх цөснөөс шингэн байдаг. Цөсний хүүдий байхгүй болчихоор ходоодонд их хэмжээний хоол орох үед ачааллыг нойр булчирхай, ходоод хоёр авдаг. Цөсний хүүдийгээ авхуулсан хүмүүс хавсарсан маягаар нойр булчирхай, ходоод өвдөх нь элбэг байдаг.

-Чулуугаа авахуулахгүй удвал ямар эрсдэл байгаа вэ?

-Хүмүүс цөсний чулуугаа авахуулахгүй өвдөлтөө дараад яваад л байдаг. Чулуу үүсчихээр хоол боловсруулалтад цөсний тал нь л оролцоно шүү дээ. Ихэнх нь чулуу болж бөглөөд тодорхой саад учруулчихлаа. Үүнд олон эрсдэл бий. Нэг л өдөр цөсний өвдөлтийг өгдөг. Тийм байж иддэгээ идээд байвал цөснөөс гадна нойр булчирхай хавсарч өвднө. Арагшаагаа наалданги үүсэх магадлалтай болно. Цаашлаад цөсний хэмжээ нь томроод хагарах магадлалтай болдог. Цөс хагарах эрсдэл ч бий. Хагарсан цөс эдгэхдээ их удаан байдаг.

-Цөсний чулуу хэдээс хэдэн насныханд илүү их ургаж байна вэ?

-Залуу охид би өөх тостой хоол идэхгүй байхад миний цөс чулуужчихлаа гээд байдаг. Залуу хүүхдүүд их тураах эм хэрэглэж байна. Тураах эм голдуу 2-3 литр ус уу гэсэн заалттай байдаг. Түүнийг нь дутуу уудаг. Манай монголчууд шингэн нэг их уудаггүй юм байна. Тэрнээсээ болоод цөсний чулуу үүсэх асуудал их байдаг. Тураах эм хэрэглэсний дараахь, жирэмслэлтийн дараахь цөсний чулуу гээд дандаа зогсонгишилтоос үүссэн цөсний чулуу сүүлийн үед ихэсч байна. Цөсний чулуугаар өвчлөгсөд залуужиж байгаа.

-Цөсний чулуугаа авахуулсны дараа ямар дэглэм барих ёстой юм бэ?

-Өөх тостой, нүүрс ус орсон хоолыг аль болохоор хязгаарлах хэрэгтэй. Богино цагаар нэг суудал дээр их идэхгүй байх ёстой. Шингэнийг сайн хэрэглэх нь зөв. Шингэн гэхээр үүнийг ус гэж ойлгох хэрэгтэй. Ундаа, кофе, цай бол тусдаа зүйл. Өдөрт дунджаар нэг литр орчим ус уух нь зөв. Өглөө, өдөр, орой хоёр аяга ус ууж хэвших нь эрүүл мэндэд тань тустай.

-Цөсний чулууг хэмжээд гаргачихдаг юм билээ. Хэдэн см бол томдоо орох вэ?

-Жижиг мөртлөө өвдөлт өгдөг чулуу байдаг юм. Дундаж голч нь 5-6 мм хэмжээтэй чулуу үүсдэг. Тэрнээс доош хэмжээтэй бол сувгаар гараад явах боломжтой.

-Цаг алдахгүй эход үзүүлэх хэрэгтэй юу?

-Зовиуртай шинж тэмдэг илэрвэл үзүүлэх хэрэгтэй. Байгууллагуудаар урьдчилсан сэргийлэх оношлогоо явагддаг шүү дээ. Эхогоор цөсний чулууг 95-100 хувь оношилдог. Мөн цөс нугаларсан, хана хатуурсан зэргийг оношлуулах шаардлагатай. Чулуугүй мөртлөө цөсний нугаларалт өвдөлттэй байдаг тал бий. Цөсний өвчлөл залуужиж байгаа учраас залуус бас урьдчилан сэргийлэх оношлогоонд орох хэрэгтэй. Саяхан нэгдүгээр эмнэлэгт очиход нэг өдөр 10 хүн цөсний хагалгаанд орж байсан. Улсын нэгдүгээр төв эмнэлгээс өөр олон эмнэлэг бий шүү дээ. Энэ өвчлөл их байгаагийн илрэл гэсэн үг.

-Цөсний хагалгаанд орохоор болсон бол юуг анхаарах вэ?

-Нэгэнт цөсний чулуу үүсээд мэс засалд орохоор болсон бол сэдрээгүй тайван байгаа үед авахуулах нь чухал. Өвдөөд эхэлчихсэн байхад цөсөө авахуулсан ч дараа нь чулуутай юм шиг өвдөлт өгөөд байдаг юм. Өвдөөгүй байгаа дээрээ чулуугаа авахуулах зөв.

ШАЛТГААН

Цөсний чулуу өвчин үүсэхэд нас хамгийн гол хүчин зүйл болдог ба хүүхэд насанд маш ховор тохиолддог байна. Мөн төрөлт болон эм бэлгийн даавартай холбоотойгоор эмэгтэйчүүд энэ өвчинд илүү өртдөг. Үүнд:

-Олон удаа жирэмслэх

-Хэт их идэх буюу удаан өлсгөлөн байх

-Удамшил

-Таргалалт буюу жин огцом буурах

-Холестерин ихтэй хоол хүнс хэрэглэх

-Чихрийн шижин

-Элэгний хатуурал

-Цөсний өтгөрөл зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг аж.

ШИНЖ ТЭМДЭГ

Чулуу томроогүй, цөсний хүүдийд байгаа нөхцөлд хүн өвчнөө гадарлах ч үгүй байж болдог. Цөс чулуужих өвчнийг анхааруулах анхны шинж тэмдгүүд нь баруун хавирганы нумаар хүндрэх /баруун талаар өвдөх/, аманд гашуу оргих, дотор муухайрах, хэхрүүлэх зэрэг юм. Өвчин даамжирсан бол баруун хавирганы нуман доогуур, эсвэл хэвлийн дээд хэсгээр хүчтэй өвдөнө. Өвдөлт баруун эгэм, баруун гар, нуруу руу дамжиж болно. Үүний зэрэгцээ ам халуун оргиж, дотор муухайран, бөөлжсөн ч хөнгөрөхгүй. Өвдөлт арай сул байж, эсвэл бүр өөрөө намдаж болно. Гэхдээ ямар ч тохиолдолд эмчид заавал үзүүлэх шаардлагатай.

ЯВЦ

Цөсний нягт хэсгүүд тунадасжсанаар чулуу үүсгэнэ. Чулуу нь цөсний хүүдийн хэвийн ажиллагаанд нөлөөлснаар яваандаа цөс хуримтлуулах үндсэн үүргээ биелүүлж чадахаа болино. Цөсний урсгалаар чулуу нь цөсний цоргоны амсарт очиж бөглөнө. Үүний дүнд хүүдийнээс гарах цөсний урсгал саатаж хана нь хэт сунаснаас хүчтэй өвдөлт өгнө. Түүнээс гадна цөсний хүүдий үрэвсэж болно. Тэрчлэн үрэвсэл нь хөрш эрхтнүүд болох нойр булчирхай, 12 хуруу гэдэс, ходоодыг хамарч болно.

МЭС ЗАСЛЫН БУС АРГА

Ер нь эмчилгээг мэс заслын бус аргаар эхэлдэг.

-Хоолны дэглэм сахиулах арга /хурц, өөх тостой, хуурсан зүйлийг хориглох/.

-Тусгай бэлдмэлээр чулуу хайлуулах арга. Үүнийг зөвхөн чулуунууд жижиг байгаа үед хэрэглэнэ. Эмчилгээ нэг жилийн турш үргэлжилнэ. Ихэнх хүмүүст хэдэн жилийн дараа дахин чулуу үүсдэг.

-Бутлах арга. Тусгай төхөөрөмжийн тусламжтай өндөр давтамжтай долгионоор чулууг 1-2 мм хэмжээтэй жижиг хэсгүүд болгон бутлана. Ингэснээр эдгээр нь өөрсдөө өтгөнөөр гарна. Ажилбар нь өвдөлтгүй, хөнгөн явагддаг ба амбулаторийн нөхцөлд хийж болдог.

МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭ

Мэс заслын эмчилгээг чулуунууд нь том, байнгын өвдөлт өгдөг, мөн дотрын эмчилгээ тус болохгүй үед хийнэ. Энэ нь цөсний хүүдийг авна гэсэн үг ба хоёр төрөл байдаг.

-Сонгодог хагалгаа. Хэвлийд нэлээн урт зүслэг хийдэг бөгөөд хагалгааны дараа 10-12 см урт оёдлын сорви үлдэнэ.

-Дурангийн хагалгаа. Тусгай төхөөрөмжийг хэвлийн хананд гаргасан жижиг нүхээр (1см орчим) хэвлийн хөндийд оруулна. Хагалгааны дараа ул мөр бараг үлддэггүй. Сонгодог аргатай харьцуулахад гэмтэл багатай, богино хугацаанд (4-5 хоногт) эдгэрэн гарч, хэвийн байдалдаа эргэн ордог давуу талтай юм. Хагалгааны хэлбэрийг эмч сонгоно. Чулуу том хэмжээтэй бол сонгодог аргыг, чулуу жижиг үед хоёрдугаар аргыг хэрэглэнэ. Мэс засал ихэнх тохиолдолд өвчнөөс бүрэн ангижруулдаг.

ЦӨСНИЙ ЧУЛУУГ АРДЫН ЭМЧИЛГЭЭГЭР ЭМЧЛЭХ АРГА

Гурван жил болсон адууны хөх хомоолыг нүдэж чанаад тунгааж шөлийг нь өдөрт 2-3 удаа уувал цөсний өвчин эдгэрнэ. Цөс өвсийг тан эм адил чанаж уувал цөсний өвчинд сайн.

Categories
мэдээ соёл-урлаг

ГОЁЛ, СОЁЛ: Бүсгүйчүүд нуруу нь ил гарсан торгомсог даашинз сонгож байна

Хятадын Саньяа хотод болж буй “Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээнд оролцож буйЭнэтхэгийн миссийн өмссөн энэхүү даашинз энэ жилийн трэнд болж байна

Шинэ жилийн баяр хаяанд ирж албан байгууллагуудын тэмдэглэлт өдрүүд аль хэ­дийнэ эхэлжээ. Бүсгүйчүүдийн сарын өмнөөс бэлддэг баяр бол яах аргагүй шинэ жил. Хүүхнүүд арваннэгдүгээр сарын дунд үеэс л эхлэн баярын цэнгүүнд өмсөх даашинзаа бодож судалдаг нь нууц биш. Биеийнхээ жинд хүртэл анхаарлаа хандуулдаг. Жилд нэг л удаа болдог энэ баяраар бусдаас төгс харагдах нь бүх эмэгтэйчүүдийн хүсэл. Энэ жилийн шинэ жилээр бүсгүйчүүд нуруу нь ил гарсан торгомсог урт даашинз сонгож байна. Харин даашинзны өнгө алтан шаргал, цагаан болон тод өнгө зонхилж байна. Охидын хувьд сиси хэмээн нэрлэдэг хагас бөмбөгөр хормойтой богино хэлбэрийн даашинзыг илүү сонирхох болжээ.

онгол Улсын мисс Т.Анугийн шилдэг аравт шалгарсан даашинз

Баярын цэнгүүнд шинэхэн даашинз, туфль, ботинк өмссөн ч тэр нь холгож тавгүйтүүлэх үе бий. Тэгвэл та баярын цэнгүүндээ бэлтгэн авсан шинэхэн гоёлын даашинз, хослол, срочкин цамцаа өдөрт 15-20 минут өмсөж хувцсандаа дасах хэрэгтэй аж. Эмэгтэйчүүд шинэ жилээр өмсөх өндөр өсгийтөө дор хаяж хоёр цаг өмсч хөлдөө хэвшүүлсэн байх ёстой гэнэ. Өндөр өсгийт худалдан авахдаа биений өнгөтэй, мөнгөлөг, алтлаг өнгийг сонгох нь илүү чамин хээнцэр харагдуулдаг байна.

Жил бүрийн шинэ жилээр эмэгтэйчүүд үсээ нэгэн хэвийн ороолгож сул орхидог байсан бол энэ жил илүү хээнцэр маягаар шууж үлдсэн үсээ нэг тал руугаа гаргах моод зонхилж байгаа аж. Энэ засалт таныг илүү ихэмсэг дэгжин харагдуулах гэнэ.

Эрэгтэйчүүд өмнө нь үсээ гельдэж хэвэнд оруулдаг байсан бол одоо үсээ нойтон байхад нь сэнсдэж хэвэнд оруулдаг болжээ. Энэ нь энгийн бөгөөд дэгжин харагдуулдаг байна.

Бүсгүйчүүд даашинзнаас гадна ээмэг, хүзүүний зүүлт сонгох нь ихээхэн чухал. Өнгөрсөн жилийн гоёлд шигтгэж зүүдэг даруухан ээмэг зүүлт зонхилж байсан бол энэ жил урт гоёмсог ээмэг, зүүлт моодонд орж байгаа аж. Шинэ жилийн үдшийн гоёо тань алтан шаргал, гэрэл цацарсан өнгөтэй байвал илүү чимэг оруулдаг байна.

Эрчүүд срочкин цамцан­даа ганган чамин запник, зангианы хавчаар зүүдэг байсан нь моодноос гарч өнгөрсөн жилээс цамцныхаа ханцуйг пиджакны ханцуйнаас урагш хоёр см цухуйлгаж өмсөх болжээ. Энэ моод энэ жил ч хэвээрээ байгаа аж. Залуус шоотой хослолын оронд цулгуй өнгийг сонгож, зангианыхаа өнгөтэй ижил өнгийн жилетик сонгох болсон байна. Ботинкны хувьд лакан, гялгар материалтайг сонгох нь илүү тохиромжтой юм байна.

Эмэгтэйчүүд шинэ жилийн баяраар өмсөх даашинзаа сонгохдоо ядартлаа дэлгүүр хэсэхээс илүүтэйгээр өөртөө таалагдсан загварынхаа дагуу оёулах нь элбэг болсон аж. Өөрийн биеийн хэмжээ онцлогт тохируулан хүссэн цорын ганц гоёлоор гоёх нь илүү үнэ цэнтэй болсон байна. Энэ хэв маяг анх Европын орнуудаар илүү өргөн байсан бол өнгөрсөн жилээс Монголд дэлгэрэх болжээ. Бүсгүйчүүд өөрт таалагдсан даавуугаа сонгон хүссэн загвараараа даашинзаа урлуулах цогц дэлгүүр Европын орнуудаар их байдаг. Улаанбаатарт ч энэ төрлийн үйлчилгээтэй дэлгүүрүүд олон байдаг болжээ. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг “Өлзийтхан” торго бөс барааны дэлгүүрт орж үзлээ. Энэ дэлгүүрт өдөрт 100 гаруй хүн орж үйлчлүүлдэг байна. Эднийх Солонгос улсаас бөс бараагаа худалдан авдаг. Дэлгүүрт орсон хэн боловч өөрийн хайсан материалыг төвөггүй олох бөгөөд даашинзны чимэг, эмжээрийг хүссэнээрээ тохируулан авах бүрэн боломжтой юм байна. Учир нь эдний дизайнерууд жил бүрийн даашинзны загварыг харж материалаа татдаг. Үнийн хувьд бусдаас хямд байдаг аж. Та өөрийн хүссэн даавууг 3000-40000 төгрөгийн хооронд сонгох боломжтой. Эдний дэлгүүрээр үйлчлүүлж байсан А.Болормаа “Даашинз хайж дэлгүүрээр явахаа больсон. Тухайн жилийн загварыг интернэтээс харж байгаад өөртөө тохирсон ганцхан даашинз хийлгэх нь илүү санагддаг. Энэ дэлгүүрээр үйлчлүүлээд хоёр жил болж байна. Өмнө нь материалаа авчихаад дагалдах чимэглэлийг нь авах гэж өөр дэлгүүр ордог байсан. Харин энэ дэлгүүр дагалдах бүх гоёл чимэглэлийг шийдсэн байна. Их таалагддаг. Материал нь ч чанартай. Ганцхан шинэ жилээр ч биш наадам, цагаан сараар бас дээлний материалаа эндээс сонгодог” хэмээсэн юм.

Сонирхуулахад, Хятадын Саньяа хотод “Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээнээр манай улсын мисс Н.Анугийн гоёлын даашинз 130 орны үзэсгэлэнт бүсгүйчүүдийн даашинзаас шилдэг 10-т шалгарчээ. Түүний өмссөн даашинз олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн загварлаг бүтээл болжээ. Мөн Энэтхэгээс оролцож буй миссийн өмссөн даашинз энэ жилийн трэнд болж байгаа юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Баяраа: Эрчим хүчийг хямд, алдагдалгүй байлгах технологийг монголчууд хийлээ. Төрийн дэмжлэг хэрэгтэй байна

-“ЭРЧИМ ХҮЧИЙГ АРАВ ДАХИН ӨСГӨХ ТӨХӨӨРӨМЖ” НЭРТЭЙ ДЭЛХИЙД ГАЙХАГДАХ ШИНЭ БҮТЭЭЛИЙГ МОНГОЛ ЭРДЭМТЭД БҮТЭЭЖЭЭ-

“Архимед групп”-ийн ТУЗ-ийн дарга Д.Баяраатай ярилцлаа.

-Танай багийнхан Монголын эрчим хүчний талаар судалгаа хийсэн гэсэн. Энэ талаар яриагаа эхэлье?

-Бид Монголын эрчим хүчинд судалгаа хийсэн. Монгол эрчим хүчний ачаалал маш их болоод гадаадаас эрчим хүч худалдан авч байна. Түүнийг Монголдоо хийх бүрэн боломж бүрдсэн. Энэ бүгдийг харахад эрчим хүчний технологид өөрчлөлт хийхээр болсон байна.

-Манай эрчим хүчний технологи одоо ямар түвшинд байгаа вэ?

-Монголын эрчим хүч хуучны технологиор л явж байна. Монгол нүүрсээр эрчим хүч гаргадаг технологитой байгаа. Нано технологи ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх боломж байна. Обама нүүрс хэрэглэж болохгүй гээд хэлчихсэн байна. Одоо үнэхээр хүлэмжийн хий бөгөөд нүүрс хэрэглэж болохгүй гэвэл Монгол Улсын эрчим хүч шууд зогсоно. Хэдэн дизель станцаас өөр юмгүй болно.

-Тэгвэл цаашид юу хийх ёстой вэ?

-Монгол Улс одоо эрчим хүчнийхээ бодлогыг эргэж харах цаг болчихсон. Дэлхий даяараа эрчим хүчний талаар ярьж байна. Том компаниуд нэгдээд эрчим хүчний талаар судалгаа хийж эхэлсэн. Бид хоцрогдоод байж болохгүй учраас шинэ эрчим хүчний талаар өөрсдийнхөө хэмжээнд судалгаа хийсэн. Бид 2014 онд хийсэн хамгийн том судалгаагаар эрчим хүчийг найм дахин хэмнэсэн төхөөрөмж хийсэн. Эрчим хүчийг найм дахин хэмнэхдээ давтамжийг нь өөрчлөөд 400 Гц болгочихсон юм. Түүнийг халаалтын хэрэгсэл дээр хэрэглэнэ үү гэхээс электрон хэрэгсэл дээр хэрэглэх боломжгүй. “ЖАЙКА”-гийн судалгаанаас харахад эрчим хүчийг өвлийн улиралд зөвхөн халаалт дээр хамгийн их зарцуулдаг юм байна. Халаалтынхаа асуудлыг шийдчих юм бол эрчим хүчний доголдоод байгаа асуудал шийдэгдчихнэ.

Энэ судалгаагаар бидэнд Дэлхийн оюуны өмчийн газар “2014 оны шилдэг зохион бүтээгч”-ийн медаль олгосон. Бид одоо ч судалгаагаа орхичихоогүй үргэлжлүүлээд Архимедийн хуулийг ашиглаж эрчим хүч хэмнэх бололцоотой төхөөрөмж гаргасан. Энэ төхөөрөмжөө бид ирэх долоо хоногт олон нийтэд танилцуулна. Эхний ээлжинд бага чадалтай төхөөрөмж танилцуулсан нь эрчим хүчийг найм дахин хэмнэх боломжтой байсан. Харин одоо том хэмжээтэй нэг сум, нэг байгууллагын эрчим хүчийг шийдэх хэмжээний төсөл хийчихсэн байна. Энэ нь эрчим хүчийг арав дахин хэмнэх боломжтой гэсэн үг.

-Шинэ төслөө удахгүй хэрэгжүүлж эхлэх юм байна тийм үү?

-Төслөө хэрэгжүүлэхэд саад гарч байгаа. Бүтээл гаргахад унаж босож хийсэн судалгаандаа гол мөнгөө зарцуулдаг шүү дээ. Судлагдаад гараад ирсэн ихээхэн мөнгө зарсан бүтээл маань үнэ цэнгүй болж эхэлж байна. Бүтээл маань нэг кВт-аас 60 кВт, 60 кВт-аас 300 кВт цаашлаад хэдэн ч мВт гаргах бололцоотой төхөөрөмжүүд юм. Үүнийг эхний хэрэглэгч нэг кВт авахын тулд төвийн эрчим хүчнээс авна. Гэвч төвийн эрчим хүчнээс авсан эрчим хүчээ үржүүлээд цаашаа худалдаалах эсвэл хэрэглэх боломжгүй. Яагаад гэвэл хүний үйлдвэрлэж гаргасан эрчим хүчийг үржүүлж гаргаж байна шүү дээ.

Нэг кВт хэрэглээд 50 кВт гаргаж байгаа бол хэмнэсэн 49 кВт нь Сэргээгдэх эрчим хүч гэдгийг хуульд оруулчих хэрэгтэй. Тэгвэл Сэргээгдэх эрчим хүчний хуулийг хэрэглээд явж болохоор байгаа юм. Монгол Улс эдийн засгийн хямралд орчихсон л юм чинь үржүүлж хэрэглэж байгаа эрчим хүчийг нь зөвшөөрчих л хэрэгтэй. Үүнийг эдийн засгаа тогтвортой болтол тодорхой хугацаанд хэрэгжүүлэхэд болно шүү дээ.

Өөрөөр төслөө хэрэгжүүлэхийн тулд “Тесло” компанитай яриад аккумляторыг нь авчирч тавья гэхээр эрчим хүч үйлдвэрлэгч болчихож байгаа юм. Төвийн шугамнаас авахгүй байгаа ч гэсэн эрчим хүч үйлдвэрлэж байна гэсэн үг. Үйлдвэрлэсэн эрчим хүчинд заавал тусгай зөвшөөрөл авах ёстой болдог. Эрчим хүчний бизнес хийж байгаа том компаниудын эрх ашгийг хөндөх асуудал гарвал бид цаашаа явах боломжгүй болно. Тиймээс хэмнэлттэй тодорхой шалгарчихсан бүтээлүүдийг зовоогоод байлгүй цаашаа явуулчих л хэрэгтэй байгаа юм.

-Танай багийнхан салхин цахилгаан станцыг хийх боломж бий юу?

-Нар, салхины цахилгаан станц хийхэд удаан эргэлттэй соронзон генераторууд өртөг өндөртэй байдаг. Тэрийг бид дотооддоо үйлдвэрлэх технологийг гаргачихсан. Дотооддоо салхин болон усан цахилгаан станц хийвэл түүнийг бид хийж чадна.

Сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэх эрчим хүчийг төр худалдаж авна гэсэн хууль бий. Сэргээгдэх эрчим хүчний үнийн зөрүүг төр гаргана гэсэн заалт ч байгаа. Долдугаар сараас эхлээд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр гээд өрх болгоноос цахилгааны мөнгөн дээр 800-1600 төгрөг авч байгаа. Энэ нь Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хуримтлал бий болгож байгаа хэрэг. Гэтэл сэргээгдэх эрчим хүчийг үнэтэй болгоод байгаа гол зүйл бол тэр турбинууд шүү дээ. Түүнийг асар өндөр үнээр худалдан авдаг. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хуримтлал ард түмнээс татахгүйгээр эрчим хүчний өртөг бага байх боломжтой байхад төр туслах хэрэгтэй. Төрийн онцгой дэмжлэг байх ёстой юм. Тэгэхгүй бол үүнийг нэг хүн, нэг байгууллага санхүүжүүлж дийлэхгүй. Бидний хувьд гаргасан төхөөрөмжөө хувь хүн, байгууллага санхүүжүүлж чадахгүй учраас гадагшаа худалдах арга л бий. Өмнө гаргасан эрчим хүчийг найман хувь хэмнэх боломжтой бүтээлээ бид гадагшаа худалдчихсан. Одоо гаргасан хүчин чадал илүү бүтээлээ худалдмааргүй байна. Үүнийг төр засаг дэмжиж ажиллах л хэрэгтэй байна.

-Эрчим хүчний үнэ чөлөөлөгдөх үү?

-Эрчим хүчний үнийг чөлөөлнө, эрчим хүчний үнийг хувьчилна гэж яригдаж байгаа. 1990 онд сонгосон зам бол хувьчлал. Шударгаар капитализмыг байгуулна гэсэн үг. Тиймээс бид капитал үйлдвэрлэх гэж байгаа бол эрчим хүчний үнийг чөлөөлөх хэрэгтэй. Эрчим хүчний үнийг чөлөөлнө гэдэг нэг талдаа үнэтэй болно гэж бодож байгаа боловч нөгөө талаас буурч болно. Яагаад гэвэл үүрэн телефоны компаниуд бүгд хувийнх байдаг. Анх гарч ирж байхдаа үнэтэй гарч ирсэн. Харин одоо бие биенээсээ уралдаад үнэ нь буурч байгаа. Эхний ээлжинд эрчим хүчний үнийг чөлөөлвөл үнэ нь нэмэгдэнэ. Хувьчлагдаад ирэхээр гадаадын өндөр технологитой олон компани орж ирнэ. Тиймээс эрчим хүч хямдарч эхэлнэ шүү дээ. Хүмүүс үүрэн телефоны компанийг сонгодог шиг өөрийн хэрэглэх эрчим хүчний компанийг сонгоно гэсэн үг. Ийм сонголт бий болвол эрчим хүч их амар болно. Нөгөө талаас харахад олон гадны компани орж ирлээ гэхэд ямар нэг улсын хараат болчих вий гэсэн болгоомжлол бий. Эрчим хүч хэний ч хараат байх ёсгүй. Тиймээс доголдолгүй, алдагдалгүй, хямд байлгах технологийг монголчууд өөрсдөө хийчихлээ шүү дээ. Үүнийг л тодорхой дэмжлэг үзүүлээд нутагшуулах хэрэгтэй. Жишээлбэл, гадны том их сургуулиудын лаборатори эсвэл хувийн эрдэм шинжилгээний байгууллагууд өөрийн бүтээлийг гаргасны дараа төр нь дэмжээд хэрэгжүүлчихдэг. Солонгост “Кипа” гээд шинэ инновацийн бүтээлийг дэмждэг төрийн байгууллага бий. Монголд “Кипа” шиг байгууллага байгуулах л дутаад байгаа юм. Тэр байгууллагыг бий болгож байж Монгол Улс хөгжинө. Долларын эсрэг төгрөг чангарна.

-Эдийн засгийн үр өгөөж нь өндөр юм байна?

-Эрчим хүчин дээр эдийн засгийн ач холбогдол үнэхээр их. Эрчим хүчийг хэн байгуулж, хэн үйлдвэрлэж байна. Тэр орон л хамгийн их хөгжилтэй байдаг. Японы эдийн засагч Сакаи “Хөгжил гэдэг ган, эрчим хүч, сахилга бат дээр л тогтдог юм” гэж хэлж байсан. Ийм гурван зүйл байж хөгждөг. Гэтэл манайд эрчим хүч нь алга. Хар төмөрлөгийн үйлдвэр байгаа ч хөгжихөөр хэмжээнд үйлдвэрлэхгүй л байх. Мөн сахилга бат ч алга. Тэгэхээр бид хөгжлийн гурван тулгуур руугаа л явах ёстой. Эхний ээлжинд эрчим хүчээ өөрсдөө гаргадаг болчихвол эдийн засаг сэргэнэ.

-Монголд төсвийнхөө 40 хувийг эрчим хүчдээ зарцуулдаг гэж байсан. Танай төхөөрөмжид үүнийг хэмнэх боломж бий юу?

-Аливаа улсын хөгжил хэмнэлт, технологийг дагуулдаг. Тэгэхээр эрчим хүчний илүүдлийг хэмнэе. Эрчим хүчийг хэмнэдэг төхөөрөмж тавих хэрэгтэй. Наад зах нь бид 220 В цахилгаан хэрэглэдэг бол япончууд 110 В цахилгаан хэрэглэдэг шүү дээ. Одоо 60-80 В болвол илүү хэмнэлт гарах л байх. Тиймээс бид хэмнэлтийн тухай ярихдаа технологиосоо эхлэх хэрэгтэй. Тавдугаар цахилгаан станцыг барихдаа болж өгвөл өндөр технологиор барьчихаасай. Одоо ажиллаж байгаа станцууд ашигт үйлийн коэффициент бага. Дулаан дамжуулах турбогоор дулаан алдаж 60 хувьтай ажилладаг. Энэ технологийг л болих хэрэгтэй. Бид найм дахин хэмнэх технологи гаргаад түүнийгээ туршчихсан. Дэлхийд энэ технологийг хүлээн зөвшөөрчихсөн. Бэлэн технологийг ашиглах хэрэгтэй. Төвийн шугам гэдэг үнэхээр хоцрогдсон асуудал. Японд төвийн шугам бараг алга. Бие даасан системтэй болчихсон. Улаанбаатарт нэг байшин барихад дулааны шугам татаад инженерийн байгууламж барьдаг. Бүр зун болгон тэрийгээ сольдог шүү дээ. Үүнийг халж байгууллага болгон, айл бүр өөрсдийн бие даасан инженерийн байгууламжтай болох хэрэгтэй. Дулаан, цахилгаан гэдэг тэр айлын л асуудал байх ёстой юм. Бидний төхөөрөмж ийм боломж өгч байгаа. Ийм байдалд орвол инженерийн олон байгууллагын зардал хэмнэгдэнэ.

-Бодит байдал дээр төхөрөөмждөө туршилт хийж үзсэн үү?

-Үзсэн. Монголд өвлийн хамгийн ачаалалтай үе арванхоёр, нэг, хоёрдугаар сар. Энэ гурван сард хамгийн их зардал гаргадаг. 27 м2 байшинд байгаа айл сард цахилгаан халаагуураар байшингаа халаавал 270 гаруй мянган төгрөг төлчихөөд юугаар амьдрах юм бэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш мөнгө цахилгаандаа төлдөг улс дэлхий дээр Монголоос өөр алга. Хямд учраас айлууд нүүрсээ түлэлгүй яахав. Бид 27 м2 байшинд туршилт хийж цахилгаанаар халаахад сард 250 мянган төгрөг гарсан. Гэтэл хэмнэлтийн төхөөрөмжөө тавихад цахилгаан, дулаандаа 29 мянган төгрөг төлсөн. Тэр айл сард 29 мянган төгрөг төлөөд халаалт шийдэгдэж байгаад дуртай байсан. Энэ мэт бидний төхөөрөмжийг суулгавал Улаанбаатар хотын утааны асуудал 100 хувь шийдэгдчихнэ. Түүний дараа “Орчлон” констранкшны төвийн шугамд холбогдоогүй байрны хоёр өрөө 50 м2 байранд туршиж үзсэн. Цахилгаанаар 500 гаруй мянган төгрөг гарч байсан бол бидний төхөөрөмжийг тавиад 80 мянган төгрөг гарсан. Нийслэлийн номын худалдааны төвд төхөөрөмжөө тавихад 400 мянган төгрөг л гарч байна. Өмнө нь дөрвөн сая 200 мянган төгрөг гардаг байсан юм. Ерөнхийдөө эндээс үзэхэд дунджаар 6-8 дахин эрчим хүч хэмнээд байгаа юм.

-Нэг сумыг эрчим хүчээр хангах хүчин чадалтай гэсэн. Тооцоо хийж үзсэн үү?

-Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ сум 2500 хүнтэй. 2500 хүнтэй суманд 100 км шугам татаж 20-30 тэрбум төгрөг зарж төвийн шугамд холбогддог юм. Тэнд үйлдвэрлэл одоог хүртэл явагдаагүй. Тэр сумаас бид нэмүү өртөг авч чадахгүй байна шүү дээ. Харин зарцуулсан 20-30 тэрбум төгрөгөө сумынхаа 2500 хүнд хуваагаад өгчих юм бол айлууд тус тусдаа үйлдвэр байгуулаад эрчим хүчнийхээ асуудлыг шийдчихнэ. Харин ч нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл гаргах магадлалтай. Үүнийг л маш зөв бодлогоор зохицуулах хэрэгтэй байгаа юм. 2500 хүнтэй сум руу эрчим хүч татах хэмнэлт мөн үү гэдэг асуудал шүү. Шугам татахгүй тэнд нь үйлдвэр байгуулчихвал яасан юм гэдгийг л бид яриад байгаа юм. Энэ байдлыг бид бүрдүүлэх боломжтой.

-Танай өмнөх бүтээлийг үнэгүйдүүлээд байгаа учраас гадаадад худалдсан гэсэн. Одооны төхөөрөмжийг чинь ашиглахын тулд ямар арга хэмжээ авахад болно гэж үзэж байна вэ?

-Оюуны өмчийн байгууллагын дэргэд “Кипа” шиг сайн оюуны өмчийг дэмждэг Төрийн сан байх ёстой. Монголчууд нэг төсөл бичээд банкаар дамжуулаад мөнгийг нь шууд эзэнд нь өгчихдөг. 100 тэрбумын төсөл хийсэн хүн эхлээд байшингаа барина гэдэг. Дараа нь “Land cruiser” авч унана гээд зардал гаргасаар байгаад нэг мэдэхэд өөрийнхөө төслийг хийх мөнгөгүй болчихсон байдаг юм. Тиймээс л Монголд хамаг юмыг нь барьцаанд аваад байдаг шүү дээ. Гэтэл Японд ямар ч барьцаагүйгээр төр нь бүх зүйлийг зохицуулаад эрсдэлээс хамгаалчихаж байгаа юм. Төр менежментийг нь хийгээд л ашиг гарах үед үйлдвэрийг нь эзэнд нь өгчихдөг юм. Ийм замаар явбал Монгол Улсын эдийн засаг босч хөгжинө. Анхны ийм менежментийг манай төсөл дээр хийгээсэй гэж хүсч байна. Тэгэх юм бол төр болон хувь хүн эрсдэлд орохгүй. Ашиг нь төрд үлдэнэ гэсэн үг. Цаашлаад эрчим хүчээ экспортлох бүрэн боломжтой.

-Танай төслийг дэмжээд ажиллана гэвэл төхөөрөмж чинь бэлэн үү?

-Бэлэн байгаа. Бид генератор, хэмнэлтийн төхөөрөмжийг үйлдвэрлэж болж байна. Хамгийн том давуу тал нь бие даасан инженерийн шугам сүлжээг төвийн сүлжээ барих мөнгөөр хийх боломж байна гэсэн үг. Хэн ч, хаана ч төвийн шугамд холбогдолгүй дуртай газраа байшин барьж болно гэсэн үг. Гэтэл эрчим хүчний хөнгөлөлтүүд сэргээгдэх эрчим хүчинд л олгогдоод байх юм. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих санд төвлөрч байгаа мөнгөнөөс судалгаанд дэмжлэг авмаар байна. Төр дэмжихгүйгээр инноваци хөгжихгүй. Инновацийн хууль гээд том хууль бий. Инновацийн бүтээлийг олон нийтэд танилцуулах гэж байгаа бол төр зардлыг нь хариуцна гэж заасан байгаа. Гэтэл энэ инновацийн бүтээл гэдгийг төр баталгаажуулж өгч чаддаггүй. Оюуны өмч “Энэ шинэ бүтээл” гээд гэрчилгээ өгчихдөг шүү дээ. Инновацийн хууль гэж байгаа юм чинь инновацийн бүтээл гэсэн гэрчилгээ өгөх хэрэгтэй. Бид тэр бичгээр ядаж хилээр давах материалаа үнэгүй оруулна. Энэ мэт хэрэгжвэл тэр хууль үндсэн утгаараа орших гээд байгаа юм. Одоо бол цаасан дээрх л хууль болчихоод байна. Тэгэхээр инновацийн хуулийг дахиж харах хэрэгтэй байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Идэвх санаачилгатай физикийн ангийнхан

МУИС-ийн Физик электроникийн сургуулийн Физикийн 1995-1999 оны төгсөгчдийг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. Эдний ангийнхан төгсөөд 15 жил болж байгаа юм байна. Ангийн уулзалтаар цугласан байхад нь очлоо. Уулзах газраа бүгд яг цагтаа иржээ. Гадаадад болон, хөдөө орон нутагт байдаг хэдээс бусад нь ирсэн байв. Ангийнхан байнга холбоотой байдаг бөгөөд нэгнийхээ зовлон жаргалыг үргэлж хуваалцдаг уламжлалтай.

Нэгдүгээр курст орохдоо 85 хүүхэд элсэн орж байсан ч 20 гаруй хүүхэд төгсч байжээ. Эдний ангид хот, хөдөөнөөс конкурсдэж хуваарь авч ирсэн ч ихэнх нь нэг нэгнийгээ таньдаг байсан гэнэ. Учир нь жил болгоны физик, математикийн олимпиадад аймаг, дүүргээсээ сонгогдон ордог хүүхдүүд байсан аж. Тиймээс ч эдний ангийнханд багш, оюутнууд сайн ханддаг байв. Х.Цоохүү багш нь “Сүүлийн 40 жил сурлагадаа ангиараа сайн ийм анги байгаагүй” гэж хүртэл магтдаг байсан гэнэ.

О.Хуягцогт “Багш нар ангид орж ирээд лекц уншаад гардаг байсан бол манай ангид мэтгэлцэж байгаад гардаг байлаа. Багшийг хичээл заахад заавал яагаад ийм байна гэсэн асуулт тавьж ярилцана. Шинэ залуу багш нар манай ангид хичээл заахдаа уйлаад гардаг байсан шүү. Заах хичээлийг нь өмнөөс нь яриад илүү их мэддэг байсан хэрэг л дээ” хэмээв.

М.Доржпагма “Ангийн даргаа та яаж сонгогдсоноо ярь л даа” гэхэд нь Н.Тэгшбаяр “Сургуульд ороод 14 хоногийн дараа ангийн даргаа сонгох хурал болсон юм. Манай ангийн багш Ганцог, Нарийн бичгийн дарга хоёр нэг нэг хүүхэд санал болгоод сонгоно гэсэн. Тэгсэн физикийн гүнзгийгээс орж ирсэн О.Хуягцогт, Ц.Гантөмөр, Э.Баярбадрах гэсэн залуус гараа өргөлөө. Багш яасан гэсэн чинь “Коммунизм чинь өнгөрсөн шүү дээ. Дарга даргыг сонгохоо больсон. Бид дотроосоо даргаа сонгоно” гэдэг юм байна. Би дотроо “Гүнзгийгээс орж ирсэн нөхдүүд дундаасаа даргаа тавих гэж байгаа юм байна. Нэгийг нь дэмжээд сонгоно доо” гэж бодсон. Гэтэл бид Увсын Н.Тэгшбаярыг нэр дэвшүүлж байна гэсэн. Сонгон шалгаруулалт болохын өмнө надтай хамт нэр дэвшсэн хоёр хүүхэд “Ангийн багш дэмжсэн, Нарийн бичиг дэмжсэн тэдний итгэлийг алдахгүй” гэж үг хэлж байсан юм. Би тэр үед “Нэг анги юм чинь би ангийнхаа хүүхдүүдийн эрх ашгийг хамгаална” гээд л хэлчихсэн. Тухайн үед 85 хүүхэд санал өгч, 69 хүний санал аваад ангийн дарга болж байлаа. Дөрвөн жил ангийнхаа хүүхдүүдтэй хэцүү бүхнийг хамтдаа туулсан даа. Одоо ч гэсэн бид байнга уулздаг. Манай ангийнхан сурлага сайтай, идэвхтэй анги байсан” гэж ярилаа.

Ангийн дарга сонгогдсоны дараа аравдугаар сарын сүүлийн танилцах үдэшлэг болж залуус ангийнхаа танихгүй байсан хүүхдүүдтэйгээ танилцаж байжээ. Түүний дараа арваннэгдүгээр сарын 26-ны өдөр буюу Улс тунхагласны баяраар ангийн Д.Наранбаатарын төрсөн өдөр болж, ангийнхан илүү дотноссон гэнэ. Түүнээс хойш жил болгоны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр ангиараа нийлж тэмдэглэдэг уламжлалтай болжээ.

Б.Булган “Тухайн үед бүжиг ховор болдог байлаа. Манай ангийнхан Физикийн тэмцээнд ороод дараа нь МУИС-ийн А зааланд бүжиг зохиосон юм. Тэр үед хөгжим их ховор. Ангийнхаа Ч.Бат-Эрдэнийн гэрээс хөгжим авчраад 200 төгрөгийн хураамжтай бүжиг зохиосон. Хамгаалагч ч олдох биш. Хамгаалалтын албанд Биеийн тамирын сургуулийн хоёр хүүхэд дуудаад зогсоочихсон. Өөрсдөө оюутнуудад тасалбараа тасалж оруулсан юм. Бүжиг дууссаны дараа 50 мянган төгрөг цуглуулсан байсан. Тэр үед ч их мөнгө шүү дээ. Санамсаргүйгээр өөрсдөө ч хөгжилдөөд хуримтлалтай болчихсон хэрэг. Дараа нь ангиараа олсон мөнгөөрөө тэмцээн уралдаан зохиож байсан юм” хэмээн хуучлав.

Ангийн хүүхдүүдийн ихэнх нь хөдөөнөөс ирсэн учир голдуу дотуур байранд байдаг байсан аж. Ангиараа дотуур байранд цуглаж хонон өнжин хичээл хийдэг байжээ.

Ч.Одгэрэл “Хичээл сурлагадаа гайгүй байсан болохоор бусад сургуулийн хүүхдүүд ирж тоо бодуулах нь их. Нэг бодлогыг 270 төгрөгөөр бодно. Тэр үед нэг ширхэг пиво 270 төгрөг байсан. Арван бодлого бодоход арван пивотой болчихно. Оюутнууд юм чинь хөөрхөн л найрладаг байсан юм байна” гэж ярьж байтал Р.Батсүх инээд алдаад “Манай ангийхан чинь толгойдоо бядтай байсан шигээ гарынхаа шуунд бас бядтай шүү. Тэр үед чинь оюутны байр руу гадны хүүхэд оруулахгүй. Манай ангийнхан гурван давхарт байдаг байсан л даа. Үүдэнд жижүүр нь оруулахгүй учраас гурван давхраас хэдэн одъял холбож байгаад л эр, эмгүй цувраад гарчихдаг байсан юм даа” гэж яриад хөхрөлдлөө.

Мэргэнсонор “Хоёрдугаар курсдээ ороод ангийн хөвгүүд бүгд үсээ хусуулаад нэг малгайгаар жигдэрсэн юм. Ангийнхаа нэг хүүхдийн эгчид нь урагшаа явахад нь малгай захисан чинь дандаа ягаан өнгөтэй саравчтай малгай аваад ирсэн. Тэрнээс хойш хаана ч явсан ягаан малгайтай хүүхдүүд явна шүү дээ. Тэгсэн сургуулийн ойролцоо байдаг хүмүүс энүүгээр нэг сонин бүлэг хүмүүс явдаг боллоо гэж ярьж байсан юм билээ” гээд инээлдэв.

Эдний ангийнхан их нийтэч байсны дээр завсарлагаан болгоноор хаалгаа хааж ширээ тавьчихаад барилддаг байжээ. Н.Тэгшбаяр “Их л хөдөлгөөнтэй хүүхдүүд байсан даа. Дандаа ноцолдоод байж байна. Хаалгаа онгойлгосонгүй гэж багш нар хааяа урладаг байсан” хэмээв.

Физикийн ангийнхан анх удаа ангиараа нийлж компьютерийн сургалтын төв нээж байжээ. Хажууханд нь байх байрны подвальд хүүхдүүдэд компьютер заангаа хичээлээ хийдэг байжээ. Тэдний ангийнхны оюутан цагийн ихэнх хугацаа тэнд өнгөрсөн гэхэд хэлсдэхгүй аж. Ангийн анд Ч.Бат-Эрдэнэ багаасаа компани байгуулсан учир анги дундаа арай эрт мөнгөтэй золгосон юм байна. О.Хуягцогт “Анх машин унаж ирэхэд нь бүгд сууж үзнэ гээд л орчихно. Ангиараа л суугаад явдаг байлаа. Бас анх утас барьж байсан хүүхэд нь юм чинь бүгд л утсаар нь ярина. Тухайн үед нэгж байдаг гэдгийг ч мэддэггүй л байлаа. Бид чинь босс Бат-Эрдэнэ гэдэг байсан юм” гээд инээв.

Ш.Сарангэрэл “Дөрөвдүгээр курсийн намар цуглаад Хүүхдийн паркаар өдөржин явсан юм. Орой нь МҮОНРТ-ийн оюутны намрын дурсамж гээд Б.Гантигмаагийн хөтөлдөг “Ая дууны мэнд” нэтрүүлгийн нэг дуунд ангиараа арын фон болсон юм. Тэр их сайхан дурсгалтай байдаг шүү” гэв.

Төгсөлтийн баяраар мөнгө багатай байсан учраас ресторанд нэг их удалгүй Тэрэлж рүү явж айлаар хоол хийлгэж идэж байснаа ярьж байв. Ч.Бат-Эрдэнэ “Хамаг мөнгөө зугаалгандаа зарчихсан учраас монтажаа авч чадахаа болиод анги дундаа ганцхан монтаж авсан” гэж ярилаа.

Ангийн хүүхдүүд одоо салбар бүртээ үлгэр жишээ болж, амжилттай ажиллаж байгаа юм байна. Ц.Гантөмөр Канадын “McGill University”-д математикийн профессор, Б.Баярбадрах АНУ-ын Лос Алмас хотод Цөмийн судалгааны газар судлаач эрдэмтэн, Д.Наранбаатар “Онон” сангийн захирал, Н.Тэгшбаяр Геологийн төв лабораторийн захирал, О.Хуягцогт Сангийн яаманд Төсвийн зарлагын хэлтсийн дарга, Ч.Содбилэг ШУА-д эрдмийн ажил хийж байгаа. Дэд хурандаа Х.Түвшин-Эрдэнэ Шүүхийн шинжилгээний төвд ахлах шинжээч, Р.Чагцал “Далай ван” аудиторын компанид аудитор, Ш.Сарангэрэл Улсын бүртгэлийн байцаагч, Т.Төрбат Дундговь аймгийн стандартчлал хэмжил зүйн хэлтсийн Улсын ахлах байцаагч, Ч.Одгэрэл ИНЕГ-т нислэгийн хөдөлгөөнийг зохицуулах газрын дэд дарга, н.Мэргэнсонор “Онон” сургуулийн ерөнхий менежер, М.Доржпагма “Ландбриж” компанийн ерөнхий менежер, Р.Батсүх 12 дугаар сургуулийн захирал, Ш.Алтангэрэл “Номин холдинг” компанид инженер, Б.Мөнхбат Хөвсгөл аймгийн Их-Уул сумын арван жилийн сургуулийн сургалтын менежер, ИХТ, К.Долгорсүрэн ШУТИС-д багш, н.Уранчимэг Сүхбаатар аймгийн физикийн багш зэрэг алба хашиж байгаа аж.