Categories
мэдээ цаг-үе

С.Төгс: Гаднах төрхөө өөрчлөх бол миний байнга хийдэг зүйл

Загварын ертөнцөд төгс нүүр царайтайд тооцогддог загвар өмсөгч С.Төгстэй ярилцлаа. Тэрээр “Asia’s next top model” шоунд оролцож буй анхны монгол загвар өмсөгч болсон юм.

-”Asia’s next top model” шоунд оролцохоор болсонд баяр хүргэе. Яаж сонгон шалгаруулалтад орсон бэ. Хэдэн орноос ямар орны загвар өмсөгчид сонгогдсон бэ?

-Баярлалаа. Тэмцээний зохион байгуулагчдын нэг нь Mongol Models гэсэн instagram хуудаснаас намайг олсон юм байна лээ. Тэгээд надад санал тавьсан. Намайг онлайнаар бүртгүүлчих гэхэд нь би анкет бөглөсөн. Дараа нь Skype-аар ярилцлага өгч, таван сэтгэлзүйн тестийг давж орох болсон. Одоо найман орны охид оролцож байгаа.

-Ямар дүрмээр явах вэ. Хэзээнээс телевизээр цацагдаж эхлэх юм бол. Шүүгч нарын хувьд ямар байх вэ?

-Гуравдугаар сараас “Star tv” гэдэг сувгаар гарч эхэлнэ. Монголд гардаггүй суваг байсан.

-Зураг авалт нь аль улсад болж байгаа вэ. Хэр удаан үргэлжилдэг шоу юм бол. Та нарт хориглосон зүйл байдаг уу?

-Зураг авалт Сингапур улсад болсон. Яг нэвтрүүлэг нь цацагдаж эхлээгүй болохоор одоо болтол ярьж болохгүй зүйл олон байна. Анх мэдээлэл дотроосоо алдагдаж том асуудал гарсан. Олон сэтгүүлчээс асуулт ирээд их хэцүү байлаа. Их хатуу гэрээ байгуулсан байгаа.

-Шоуныхан ямар хэлээр ярилцаж байна. Та ер нь хэдэн хэлтэй вэ?

-Англи хэлээр ярилцаж байгаа. Ууган герман хэлтэй. Солонгосоор бас жаахан ярьчихдаг.

-Багадаа Германд байсан байх аа. Арван жилээ хаана төгссөн бэ?

-Бага насаа Германд өнгөрүүлсэн. Харин Монголд дунд сургуулиа төгссөн л дөө. Нэгдүгээр сургуульд сурч байсан юм. Дунд сургуулиа төгсөөд Герман явна гэж шийдсэн учраас герман хэлний “Гёте” сургууль руу шилжиж DSD буюу герман хэлний шалгалтад бэлтгэж эхэлсэн юм л даа. Тэндээ сургуулиа төгссөн.

-Их сургууль хаана төгссөн бэ. Ямар мэргэжил эзэмшив?

-Их сургуулиа Берлин хотын Maggie.B сургуулийг makeup artist stylist мэргэжлээр дүүргэсэн.

-Загвар өмсөгч болно гэхэд гэрийнхэн тань дэмжсэн үү. Өөр мэргэжилтэй болохсон гэж боддог байв уу?

-Манай гэрийнхэн бүгд номын улс байдаг юм. Эхэндээ ч дэмжээгүй л дээ. Берлин хотод очоод загвар өмсөж эхэлсэн юм. Берлиний загварын долоо хоногт оролцох үеэс дэмжиж эхэлсэн. Намайг зан ааш эвдэрч, замаа алдана гэж бодсон юм шиг байна лээ. Ажил амьдралаа ялгаж салгаад яг л байдгаараа үлдэж чадсан болохоор одоо ямар ч асуудалгүй. Харин ч намайг дэмждэг болсон.

-Тайзан дээр гарсан анхны сэтгэгдэл ямар байв. Сандрал их байсан байх даа?

-Анх “Торго 2009”-д тайзан дээр гарч үзсэн. Тийм болоод ч тэр үү одоо хүртэл торгын тайзан дээр маш их сандардаг. Хэн нэгэн намайг шүүж байна гэж бодохоор хамгийн анхны тайз юм шиг их сандардаг. Хүн бүр өөр байх л даа. Яалт ч үгүй миний сул талуудын нэг юм даа.

-Нийгмийн идэвх сайтай юм шиг санагдсан. Баллет, хийл хөгжмөөр хичээллээд зогсохгүй усанд чадварлаг сэлдэг гэж сонсож байлаа?

-Баллетаар Германд байхдаа хичээллэж байсан. Хийл хөгжмөөр Монголд буцаж ирээд хичээллэж байсан. Дөрвөн настайгаасаа өдөр бүр бассейнд явдаг байлаа. Одоо энэ хэдээс тодорхой чадвар үлдсэн болохоос тийм ч мундаг байхаа больсон.

-Өөрийнхөө үсийг хэсэг байж байгаад л өөрчилсөн харагдах юм. Саяхан цагаан үстэй болчихсон байсан?

-Гаднах төрхөө өөрчлөх бол миний байнга хийдэг зүйл. Нэг хэвийн байхаар бухимдаад байдаг юм. Нэг хэвэндээ удах тусам хуучраад байгаа юм шиг сэтгэгдэл төрж дотроосоо гундаад байдаг. Би ямар нэг юмаа өөрчлөхдөө гэр бүл, найз нөхдөөсөө ч асуудаггүй мөртлөө агентлагтайгаа бол заавал ярилцдаг. Би уг нь үсээ нэг талыг нь хусаад, бүр халимаг болгож тайрахыг хүссэн юм. Харин агентлаг маань зөвшөөрөөгүй. Тэгвэл цагаан саарал болгоно шүү гэхэд зөвшөөрч, шууд л үсчин орсон.

-Шивээс сонирхдог гэсэн. Өөрт чинь хийлгэсэн шивээс бий юу?

-Байгаа. Би дөрвөн шивээстэй. Шивээс бол миний хувьд урлаг. Бусад хүмүүс юу гэж хардгийг мэдэхгүй байна.

-Загвар өмсөгчийн хувьд төгс нүүр царайтайд тооцогддог. Загвар өмсөж байхдаа мөн зураг авахуулж байхдаа түүнийгээ харцаараа илэрхийлж гаргах уу. Арай ялгаатай байдаг уу?

-Харцаараа, хөдөлгөөнөөрөө. Ер нь тухайн үеэсээ шалтгаална даа.

-Герман, Сингапурт загварын агентлагт ажилладаг гэсэн. Хэдэн жилийн гэрээтэй вэ?

-Гэрээ маань хязгааргүй. Намайг яаж ажилладгийг мэддэг болохоор миний хувьд гэрээ маань хязгааргүй. Агентлагийнхантайгаа бүгдтэй нь дотно найзууд болохоор очно гэдгээ мэдэгдэхэд л болдог юм.

-Загвар өмсөгч Сүбээдэйтэй дотно байсан ч ажлынхаа шаардлагаар салсан байдаг. Салсан ч найз хэвээрээ байсан. Түүнд харамсалтай хэрэг тохиоход хэр эмзгээр хүлээж авсан бэ?

-Үнэндээ хүмүүс бүх амьдралыг фэйсбүүк, инстаграммаар төсөөлдгийг мэдээд гунигтай санагдсан. Хүмүүс намайг өөрийнхөө цахим ертөнцөд их нээлттэй байдаг гэж боддог юм шиг байна лээ. Үнэндээ би амьдралынхаа таваас илүү хувийг тавьдаггүй.Тухайн үед нэг инээсэн зураг тавьчихсан чинь их жаргалтай байна аа гээд дайрсан. Одоо хүртэл их хэцүү байдаг. Хааяа зүүдэнд орж ирдэг. Тэр таагүй мэдээг сонсоод маргааш нь гэрт нь ах, хамаатан садан, найз бүсгүй дээр нь очсон. Гаргахад нь ч хамт байлцсан. Зөндөө уйлсан. Сэтгэлээ засах гэж улам завгүй байж, тэр талаар огт бодохгүйг хичээж байсан. Үнэндээ хүмүүс харамссанаа илэрхийлж над руу юм бичих болгонд үнэхээр уур хүрч больчихоосой гэж бодсон шүү. Би тэр талаар бодохыг ч, ярихыг ч хүсээгүй. Цаг хугацаа сэтгэл зүрхийг заавал эдгээдэг гэдэгт итгэдэг. Нэгэнт өөрчлөх аргагүй зүйлийг аль болох бодохгүй, ярихгүй байхад цаг хугацаа илүү хурдан өнгөрдгийг ойлгосон. Ер нь би одоо ч энэ талаар ярих дургуй. Гэхдээ цахим ертөнцөөр бүх амьдралыг төсөөлдөг хүмүүст хариулт өгөх хэрэгтэй юм шиг санагдаад байгаа.

-Тухайн үедээ хоёулаа ажил, мэргэжилдээ үнэнч юм шиг санагдаж байлаа?

-Тийм ээ, их үнэнч байсан. Залуу хүмүүст маш том боломж байгаа гэдгийг мэддэг байсан.

-Эрдэнэцогттой гэр бүл болж загварын “Төгс хос” гэгддэг байсан. Сүйн бөгжөө онгоцонд солилцож байсан гэдэг. Тухайн үеэ дурсан яриач. Одоо аав нь охинтойгоо уулздаг уу?

-Эрдэнэцогттой холбоотой ямар ч асуултад хариулахгүй. Бид хоёр хоорондох асуудлаа ахиж олонд ил болгохгүй гэсэн шийдвэрт хүрч ярилцсан. Хүмүүс яагаад тэгж их мэдэх гээд сонирхоод байдгийг ойлгодоггүй.

-Охин нь хэр том болж байна. Ээж шигээ загвар өмсөгч болно гэх байх даа. Охиныг нь хэн хардаг вэ?

-Охиныг маань ээж, эмээ, өвөө, дүү нар маань хардаг. Сая намраас цэцэрлэгт явж эхэлсэн. Том болоод мундаг биеэ дааж байгаа. Том болоод өөрөө ямар мэргэжилтэй болохоо шийдэх байх. Охиныхоо өмнөөс амьдралд нь оролцож шийдвэр гаргахгүй. Манай гэрийнхэн намайг эрс хориглосон бол би өдийд хийх дуртай зүйлээ олоогүй, өөртөө итгэлгүй, жаргалгүй хүн байх байсан шүү дээ. Тийм болохоор охиныхоо хүслийг сонгоно доо. Мэдээж хүмүүжлийн тал дээр хатуу анхаарна.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач?

-Ээж, эмээ, өвөө, дүү, миний охин болоод Лили гээд нохойтойгоо амьдардаг. Лили маань 13 жил хамт байсан болохоор гэр бүлийн маань нэг гишүүн. Ээж маань улс төрийн хүн. Эмээ маань насаараа багшилсан. Өвөө маань насаа гуравдугаар цахилгаан станцын дарга явсан. Дүү одоо Солонгост суралцаж байгаа.

-Амьдралдаа том зорилго тавьдаг байх. Зорилго, хүсэл мөрөөдлөөсөө хуваалцаач. Мөн ямар үзэл бодолтой хүн бэ?

-Мэдээж зорилго тавилгүй яахав. Ер нь амьдралын зорилгыг амьдралын утга учир гэж боддог. Гэхдээ би ярих дургүй. Би урдах амьдралаа харж хүний хэрэгт хошуу дүрэхгүй амьдардаг хүн. Гэр бүлээ дээдэлж, ажлаа хүндэлнэ. Санаа зөв бол заяа зөв гэдэг үгэнд дуртай.

-Цахим ертөнцөд хэр идэвхтэй вэ?

-Хүмүүс ер нь мэддэггүй байх. Модел хүний хувьд цахим ертөнцөд идэвхтэй байх нь мэргэжлийнх нэг хэсэг. Агентлагаас маань идэвхтэй байхыг даалгадаг. Олон дагагчтай байх нь чухал. Олон дагагчтай байвал хамтарч ажиллаж байгаа брэндүүд зургаа цахим ертөнцөд тавиулах гэж цалингаа нэмдэг. Саяхан Gigi Hadid гэдэг моделийн талаар харлаа. Хамтарч ажилладаг брэндүүдийн хагасаас илүү нь зөвхөн цахим ертөнцөөр идэвхтэй олон дагагчтай учраас хамтарч ажилладаг талаар ярьж байна лээ. Kendall Jenner-ийн хувьд ч мөн адил. Тийм болохоор тодорхой хэмжээгээр идэвхтэй байж цахим ертөнц дээрээ бүх зүйлээ гэгээлэг байлгах нь миний ажлын нэг хэсэг. Kendall Jenner, Gigi Hadid гэх моделууд цахим ертөнцөд брэндийн зураг авалтад орохгүй ямар нэг бүтээгдэхүүнийг сурталчилж байгаа нэг зурвасыг 125000 доллараар оруулдаг юм байна лээ.

-Ер нь та хэдэн загварын агентлагт ажиллаж байсан бэ?

-Гэрээтэй байсан нь тав юм байна.

-Загвар өмсөгч Сэлэнгэтэй таарамжгүй харьцаатай юм шиг харагддаг. Нэг нэвтрүүлгээр өөр рүү чинь их дайрсан байдаг. Яагаад тэгсэн юм бол?

-Би тэр хүнийг ойлгодоггүй юм. Сингапурт нэг л ажил дээр хамт ажилласан. Тэр үед мэндийн зөрүүтэй, нэг их ч юм ярьдаггүй байсан. Дараа нь яасан юм бүү мэд, янз бүрийн юм хэлж байсан. Найзтай маань дайралдаад “Төгсөө нээрээ сайн уу, нэг уулзах юмсан. Би нэг хүнтэй танилцуулдаг юм уу гэж бодож байгаа” гээд л ярьсан байна лээ. Тэр хүний толгойд яг юу эргэлддэгийг мэдэхгүй юм.

-Загварынхан өрсөлдөөн ихтэй гэдэг. Монголдоо карьер хөөх хэцүү юу. Гадаадад арай өөр байдаг байх даа. Тогтолцооны хувьд ямар байдаг талаар сонирхуулаач?

-Монголдоо ажиллахад гэртээ байгаа юм чинь их гоё байдаг. Гэхдээ моделийн ажил нэг улсаас нөгөө улс руу аялах дээр тогтдог. Парист өсөж төрсөн модел хүртэл бусад Европын орон болоод Ази, Америк гээд л явж өгдөг. Ажлын маань хэцүү мөртлөө гоё хэсгүүдийн нэг.

-”Asia’s next top model” шоунд тань амжилт хүсье. Амжилттай оролцоорой.

-Маш их баярлалаа. Бүх уншигчид маань өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Categories
мэдээ цаг-үе

Монголд нэг жилд 5000 орчим хүн хорт хавдраар шинээр өвчилж байна

Дэлхий дээр жил бүр 8.2 сая хүн хавдар өвчнөөр хорвоог орхидог бол тэдгээрийн дөрвөн сая нь 30-69 насандаа нас бардаг аж. Харин Монгол Улсад 2014 оны байдлаар 5483 хүн хорт хавдраар шинээр өвчилж, 3536 нь нас барсан тоо гарчээ. Үүнээс хорт хавдрын шинэ тохиолдлын 61.4 хувь нь хөдөө орон нутагт, 38.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байсан юм байна.

Монгол Улсын хувьд энэ өдрийг 2007 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлдэг болсон бөгөөд энэ өдрийн хүрээнд хорт хавдрын талаар хүмүүст мэдээлэл өгч хавдрыг эрт эмчлүүлэхэд голчлон анхаардаг байна. Хавдар судлалын үндэсний төв, Хаан банк, МҮОНРТ хамтран 2011 оноос хойш хэрэгжүүлсэн “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг эхлүүлсэн нь үр дүнтэй байгаа аж. Аяны хүрээнд хорт хавдрын сэргийлэлт, эрт илрүүлэлтийн ач холбогдлын талаар олон нийтэд чиглэсэн сургалт явуулж ирсэн юм. Мөн зарим иргэдэд хорт хавдрын нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулжээ. Аяны үр дүнд эрсдэлт бүлгийн 90922 хүнд үзлэг хийж, аймгуудад 403 хорт хавдрын мэс засал, эмчилгээ хийсэн байна. Энэ нь хөдөөгийн хүн амд хорт хавдрын тусламж үзүүлсэн өгөөжтэй ажил болжээ. Энэ өдрийн хүрээнд ХСҮТ-д хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгсөн юм.

Б.ГАНЗОРИГ: НИЙТ ХОРТ ХАВДРЫН 70 ХУВЬ НЬ ХОЖУУ БУЮУ ГУРВАН, ДӨРӨВДҮГЭЭР ҮЕ ДЭЭР ОНОШЛОГДДОГ

ХСҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэрэгтэй эмч Б.Ганзоригоос тодрууллаа.

-Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ач холбогдол нь юу вэ?

-Олон улсын хорт хавдартай тэмцэх холбоо гэж байдаг юм. Энэ байгууллагын санаачилснаар 2005 оноос хойш хорт хавдраар өвдөж байгаа хүмүүст туслах зорилгоор хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, хорт хавдрын эмчилгээг таниулах зорилгоор “Хавдартай тэмцэх өдөр”-ийг зохион байгуулдаг болсон. Энэ уламжлалын хүрээнд манай байгууллага хорт хавдартай тэмцэх өдрийг “Би чадна, бид чадна, та ч бас чадна” гэсэн уриатайгаар зохион байгуулж байгаа юм. Бидний хийж байгаа үйл ажиллагааны гол зорилго нь эмнэлгийн мэргэжлийн бус хүмүүст хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, хорт хавдрын тоо баримт, эмчилгээний талаар мэдээлэл өгөх юм.

-Манай оронд ямар өвчлөл илүү зонхилж байна вэ. хүмүүс голдуу ямар үедээ оношлуулдаг вэ?

-Монгол Улсад нэг жилд 5000 орчим хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Үүнээс 3000 нь тухайн жилдээ нас барж байгаа гэсэн харамсалтай тоо баримт бий. Монгол Улсын шинээр тогтоогдож буй хавдрын бүтцийг үзвэл нийт хорт хавдрын 40 хувь нь элэгний анхдагч хавдар. Дараа нь ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүүний хавдрууд гэсэн дараалалтай байгаа. Харамсалтай нь нийт хорт хавдрын 70 хувь нь хожуу буюу гурав, дөрөвдүгээр үе дээрээ оношлогддог.

-Олон улсад хавдрын өвчлөл ямархуу түвшинд байдаг юм бол?

-Өндөр хөгжилтэй орны хавдрын бүтцийг аваад үзвэл эрэгтэй хүнд хамгийн эхэнд уушгины хавдар, давсагны хавдар байдаг юм. Нас баралтын хэмжээгээрээ өндөр гэсэн үг. Эмэгтэйчүүдийн хувьд хөхний хавдар нэгдүгээрт ордог. Манайд эсрэгээрээ элэг, ходоодны хавдар зонхилдог. Мөн бүдүүн гэдэсний хавдар ховор тохиолдож байхад дэлхийн бусад оронд энэ өвчлөл их байдаг. Өндөр хөгжилтэй орны өвчлөл өөр байгаа ч яваандаа адилхан болох байх.

-Уушгины хорт хавдар ихсээд байгаа гэсэн үү. юунаас үүсгэгддэг вэ?

-Уушгины хорт хавдрын гол шалтгаан нь тамхи. Уушгины хорт хавдраар нас барж байгаа арван хүний ес нь тамхичин байдаг. Энэ бол мэдсээр байж сайн дураараа өөрийгөө эрсдэлд оруулж байгаа хэрэг. Хоёр дахь том шалтгаан бол агаарын бохирдол. Бидний амьдарч байгаа утаатай нөхцөл байдал уушгины хорт хавдарт голлон нөлөөлж байна.

-Манай улсад хорт хавдрыг эмчлэх тоног төхөөрөмжийн хувьд ямар байдаг вэ. Ер нь туяаны аппарат эвдэрчихлээ гээд л яриад байдаг шүү дээ?

-Хорт хавдрыг илрүүлэх, оношлох, эмчлэхэд олон тоног төхөөрөмж шаардлагатай. Манайх тодорхой хэмжээний хоцрогдолтой явж байгаа нь үнэн. Жишээлбэл хорт хавдрын хөнгөвчлөх эмчилгээний нэг болох туяа эмчилгээний аппарат маань хуучин үүсгүүртэй, хоцрогдсон аргаар хэрэглэж байгаа нь үнэн. Мөн хамгийн сүүлийн үеийн хавдрыг тодорхойлдог PET гэдэг аппарат одоо болтол Монголд орж ирээгүй л байна. Энэ нь дэлхий нийтэд нэвтрээд удаж байгаа тоног төхөөрөмж л дөө. Гэхдээ сүүлийн жилүүдэд Австрийн Засгийн газрын тусламжтай төслийн хүрээнд шинэ, орчин үеийн багаж, тоног төхөөрөмж оруулж ирэхээр ажиллаж байна. Манай эмнэлгийн өргөтгөл барих ажил эхлээд олон жил болчихлоо. Тодорхой шалтгааны улмаас саатаж, гацаад одоо болтол баригдаж дуусаагүй л байна. Энэ барилга баригдаж дуусвал бид шинэ төхөөрөмжөө суурилуулна.

-Өргөтгөл баригдаад дуусчихвал шинэ тоног төхөөрөмжүүдээ байршуулаад хавдрыг эмчлэх бүрэн боломж байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм. Энэ нь том алхам болно. Эхнээсээ зарим тоног төхөөрөмж нь ирчихсэн байгаа. Бид байгууллага дээр хадгалаад байшингаа ашиглалтад орохыг хүлээж байна. Ашиглалтад орчихвол тоног төхөөрөмжүүдээ суурилуулна. Дээрээс нь нэмж суурилуулах төхөөрөмж ч бий. Манай зарим эмч, мэргэжилтэн, техникийн хүмүүс маань Австри улсад сурч, боловсролоо дээшлүүлэхээр бэлтгэгдэж байна.

Мөн хавдартай тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан Монгол, Оросын хувь нийлүүлсэн УБТз нийгэмлэг, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлтэй хамтран ажиллахаар болсон байна. Тодруулбал хавдрын өвчтэй иргэдийг “Цагаан сарын” баярын өдрүүдэд төмөр зам дагуу орших Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дорноговь зэрэг таван аймагт “Re­albus” галт тэргээр үнэ төлбөргүй зорчуулахаар болжээ.

Categories
мэдээ цаг-үе

О.Доржханд: Цагаан сарын дараа хоол боловсруулах замын өвчин эрс нэмэгддэг

“Докамед” эмнэлгийн захирал клиникийн профессор тэргүүлэх зэрэгтэй, хоол боловсруулах замын эмгэгийн эмч О.Доржхандтай ярилцлаа.

-Тун удахгүй монголчуудын уламжлалт Цагаан сарын баяр болох гэж байна. Энэ үед хүмүүс бууз, салат зэрэг хүнд хоолнууд иддэг. Идэж болохгүй, хоорондоо харшилдаг хүнс гэж байдаг уу?

-Хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс 15-ныг хүртэл ходоод тодорхой хэмжээний ачаалалтай байдаг. Энэ хооронд мэдээж бууз, салатаа идэх нь тодорхой. Гэхдээ түүнийг зохицуулах ёстой. Айл болгонд бууз иддэг ч шингээгээд байдаг шүү дээ. Өвлийн урлиралд мах идээд ходоод илүү тамиртай байгаа үед буузаа шингээгээд байна гэсэн үг. Бууз бол хүнд хоол. Дандаа мах, нүүрс ус холилдсон хоол иднэ гэсэн үг. Бууз хийхдээ сүүлийн үед хүмүүс янз бүрийн амтлагчаар амталдаг болсон байна. Баяраар буузны хажуугаар айраг, цагаан идээ идээд явдаг. Бууз, цагаан идээ хоёр хоорондоо зохицдог. Мөн бууз идэхдээ ногоо идвэл гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Ногоо идэхдээ анхаарах хэрэгтэй зүйлс олон байдаг. Сүүлийн үед салатыг олон хэлбэрээр хийдэг болсон. Хүмүүс мэдэхгүйгээс болж зохицохгүй хүнсээр салат хийх нь их байдаг. Жишээлбэл загас, өндөг хоёр хоорондоо зохицдоггүй. Гэтэл бид өндөг, загасны салат гээд л янз бүрийн юм холиод л хэрэглэдэг. Тэрийг маш болгоомжтой анзаарч идэх нь зүйтэй. Хэрэв загастай салат идвэл өндөг орсон салатнаас татгалзах хэрэгтэй.

-Бараг айл болгон нийслэл салат хийдэг шүү дээ. Энэ хэр нийцтэй байдаг юм бол?

-Нийслэл салат олон төрлийн найрлагатай. Төмс, хиам, өндөг, лууван, огурцы, сонгино, майонез, шиш, вандуй гээд олон төрлийн орцтой. Ер нь хоолны орц найрлага нь цөөхөн байх тусмаа ходоодны шингэцэд сайн нөлөөтэй. Ганцхан нийслэл салат идэхэд л найман төрлийн орцтой байна шүү дээ. Ходоодонд бууз орлоо гэж бодъё. Махыг ходоод боловсруулж байхад хажуугаар нь олон найрлагатай салат орж ирэх үед түүнийг ходоод задлахгүй. Анхныхаа боловсруулж байгаа зүйлээ боловсруулаад сүүлийнх нь боловсруулагдахгүйгээр нарийн гэдэс рүү явна гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс олон найрлагатай зүйлээс аль болохоор зайлсхийх хэрэгтэй. Харин цагаан идээг ходоод сайн боловсруулдаг.

-Өөр зохицохгүй идээ бий юу?

-Сүүг ногоотой хольж идэхэд гэдэс дүүрч суулгадаг. Хонины махыг чихэр, жимстэй хольж идэхэд ходоодыг их гэмтээнэ. Тахианы мах ,тараг хоёр тохирохгүй. Өндөг чихрийг идэхэд уураг тархи хорддог. Зөгийн балтай ус уусны дараа ургамлын тостой хоол идэхгүй байх хэрэгтэй. Улаан лооль, өргөст хэмх хоёр бие биенээ үгүйсгэдэг. Улаан лооль витамин С ихтэй, өргөст хэмхэнд витамин С устгах фермент байдаг. Манайхан гэтэл энэ хоёрыг хольж салат их хийж иддэг. Улаан лоолийг загастай хольж идвэл ходоодны хавдар үүсгэх аюултай. Цагаан архи уусны дараа үхрийн мах идэх нь ходоодны галыг ихэсгэж үрэвсэл үүсгэнэ. Загасны мах, тахианы мах хоорондоо нийцэхгүй. Адууны мах, гахайн махыг зэрэг хэрэглэхэд ходоод хямардаг. Вандуйтай салат идсэний дараа элсэн чихэртэй зүйл хэрэглэхгүй байх ёстой. Чанасан махны уурыг гаргахгүй идвэл ходоодыг ноцтой гэмтээдэг. Үүнийг манайхан ихээхэн анхаарах шаардлагатай. Мөн цай ууж байхдаа өндөг идэж болохгүй. Цайны навчинд био шүлт бий. Харин өндгөнд байдаг төмрийн элементтэй нийлж ходоод цочроохоос гадна боловсролт удааширдаг. Архи, ундаа хоёр нийлэхээрээ нүүрс хүчлийн хий болж ходоод, элэг, бөөрийг гэмтээдэг. Тэгэхээр ундааг архины даруулга болгож хэрэглэж болохгүй гэсэн үг.

-Зохицохгүй хоол, унд идвэл ямар нөлөөтэй вэ?

-Зохицохгүй идээг идвэл ходоодонд шууд нөлөөлдөг. Дотор муухай оргино. Зарим нь шууд бөөлжиж гаргах үе бий. Ходоодны шингэц муудаад бие өвдөх үед хамгийн түрүүнд авах арга хэмжээ ходоодоо угаах байдаг.

-Бууз, салатаа идчихээд хоолоо шингээнэ гээд архи уугаад байдаг. Энэ нь зөв хэрэглээ юу?

-Энэ хамгийн буруу. Архийг аль болохоор уухгүй байх хэрэгтэй. Цагаан сарын дараа хоол боловсруулах замын өвчин эрс нэмэгддэг. Дандаа хэтрүүлэг болчихсон байдаг юм. Манай монголчууд мах идээд архи уудаг нь тун аюултай. Мах халуун чанарын зүйл. Дээр нь нэмээд архины 38-40 градусын халуун нэмэгдэж байгаа. Халуун дээр халуун нэмэгдэхээр ходоод цочирно биз дээ. Энэ цочролыг хамгийн түрүүнд мэдрэх эрхтэн бол ходоодноос гадна зүрх байдаг. Зун хорхогны архи уугаад байдаг нь нойр бурчирхайн өвчнийг сэдрээж байгаа хэрэг. Зун хүний ходоод хамгийн тамир муутай үе л дээ. Зун хүн гал бахбодтой зүрх сэдэрч байдаг үед махаар хооллоод ходоодонд гал нэмж, архи ууж бас гал нэмэх үйлдэл нь хүн зориудаар өөрийгөө хорлож байгаа хэрэг. Малчдын хэлдгээр зун цагаан идээ сайн идэх ёстой.

-Хүнд хоол идээд ходоодоо цочроочихсон байгаа. Ходоодоо яаж амраах вэ?

-Хаврын улирлыг элэг дэлгэрэх цаг гэдэг юм. Хаврын улиралд модон махбодтой гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Модыг хүн тарьж ургуулдаг шүү дээ. Яг түүнтэй адилхан бие махбодыг тэгж тордох хэрэгтэй. Энэ үед элэгний эмчилгээ хийвэл үр дүнтэй. Хаврын улиралд шороон бие махбодтой ходоод өвдвөл хүндэвтэр өвддөг. Өвлийн улиралд халуун эдүүд дотогшоо нуугдчихсан байдаг учраас бид гүйлгэх, туулгах эмчилгээг хийдэггүй. Хавар ирж байгаа учраас одоо гүйлгэх, туулгах эмчилгээг хийж болно гэж ойлгох ёстой. Тэгэхээр хүн ходоодоо хаврын улиралд хамгаалж, элэг, дэлүүгээ эмчлэх ёстой. Энэ үед элэг, цөсөө угаах нь хамгийн зөв. Гэхдээ заавал эмчийн хяналтан дор угаах хэрэгтэй. Цөс угаахад ходоодоор дамжуулж угаадаг. Үүнийг дандаа мэргэжлийн эмч хянадаг байх ёстой.

Цагаан сараар өдөржингөө хоол идээд хамгийн сүүлд 19 цагт хоол идэж байгаа. Ходоод ч гэсэн амрах ёстой. Ходоод нэг удаагийн хоолыг боловсруулах гэж зургаан цаг ажилладаг. Шөнөжингөө ажилласан ходоодонд өглөө дахиад л нөгөө бууз үргэлжилнэ. Ходоод дээд зэргээр ядарчихсан байна гэсэн үг. Тэгэхээр ходоодоо амраах л хэрэгтэй. Нэг өдрийг ходоодондоо зориулах нь чухал. Тэр их уураг, гурил авалгүйгээр цагаан хоол идэж эсвэл мацаг барих хэрэгтэй. Хүмүүс шинийн найман, 15-нд цагаан хоол идэж эсвэл мацаг барьж ходоод гэдсээ амраадаг. Энэ нь долоо хоногт нэг удаа ходоодоо амраах хэрэгтэй гэсэн үг. Энэ өдрүүдэд цагаан хоол идэж, мацаг барих нь ходоодоо амрааж байгаа хэрэг. Мах идэхгүйгээр бүр зориудаар өлсөж ходоодоо амраах хэрэгтэй.

-Өвөл ходоод угааж болдоггүй гэсэн үг үү?

-Өвөл ходоод угаах нь бөөрний үйл ажиллагааг гэмтээдэг аюултай. Сүүлийн үед 25 процентын магни сулфатаар ходоодоо угаагаад байгаа. 25 процент ходоодонд ороход ходоодыг цочроодог юм. Тиймээс шар сүү, гүүний саамаар ходоод гэдсээ угааж болно гэж ойлгох хэрэгтэй. Шар сүү, гүүний саамаар угаах нь зөөлөн чанараар гүйлгэж угаахыг хэлээд байна.

-Хавар хүн ямар хоол хүнс хэрэглэх ёстой вэ?

-Монголчууд хавар, намартаа шим тэжээл сайтай хоол иддэг. Борц гээд нөөцөлсөн бүх зүйлээ иддэг. Намар ходоод гэдсээ угаагаад өвөлдөө бэлддэг. Өвөл нь махаа иднэ. Энэ өвлийн хүйтнийг бид тэгж давдаг. Хавар нь дахиад ходоодоо цэвэрлэж амраах маягаар явна. Хавар ходоодоо цэвэрлэсний дараа махан хоолоо тэр тусмаа хонины махаа багасгах ёстой. Хонины мах бол хий дардаг дээд зэргийн чанартай мах. Хавар үхрийн мах, борц хэрэглэх нь зүйтэй. Зун сэрүүн чанартай учраас ямаа, тэмээний мах идэх хэрэгтэй. Хавар, зун нь үргэлжлүүлээд хүнд хоол идээд байвал ходоодны тамир муудаад ачааллаа дийлэхээ болино.

АРДЫН ЭМЧИЛГЭЭ

ХОДООД, ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТНЭЭ ЯАЖ ХАМГААЛАХ ВЭ

-Ходоодны хүчил ихтэй бол луувангийн шүүс уух хэрэгтэй. Ходоодны хүчил хэдий их байх тусам машиндсан луувангийн шүүс төдий чинээ ихээр уу,тэгээд зовиур арилаад ирэхээр уух хэмжээгээ багасгах нь зөв. Ходоодны элдэв шарханд чацарганы тосыг хоолны халбагаар өдөрт гурван удаа уувал тустай.

-Гэдэс, ходоодны хүч сулрах, ходоод өвдөх, хоолны шингэц муудахад зуун наст 150 гр, зөгийн бал 250 гр, таван салаа 100 грыг холиод сэрүүн газар шилэн саванд хийж долоо хонуулаад хоолны халбагаар өдөрт гурван удаа нэг сарын турш хэрэглэх нь зөв.

-Ходоодны архаг өвчнийг анагаадаг хамгийн үр нөлөөтэй арга бол хоолны нэг халбагаас илүүгүй ургамлын тосыг амандаа балгаж дараа нь мөсөн чихэр юм уу эсвэл гаатай чихэр хүлхэнэ. Залгиж хэрхэвч болохгүй. Тэгээд асгаж амаа цэвэрлэнэ. Тос өтгөн байснаа шингэн болно. Тос нь амны хөндийд байгаа хамаг хорыг өөртөө шингээнэ. Энэ аргыг 10-20 удаа өлөн элгэн дээрээ хийгээрэй. Энэ арга нь астма бөглөрөлттэй хүмүүст илүү үр дүнтэй.

-Түүхий сүүний ээзгий, ааруулыг орой унтахдаа зөгийн балтай усанд дэвтээж өглөө зөвхөн шүүсийг нь сайн уух хэрэгтэй. Ийм байдлаар олон өдөр уувал нэн сайн.

Categories
мэдээ цаг-үе

Ажнай хүлгээрээ дэлхийд өнгөлсөн Д.Цэрэнжигмэдийнх

Цагаан сарын босгон дээр арц
хүж, айраг цагаа, адуу мал, амжилт ололт дүүрэн ханхалсан сурвалжлагыг Монгол
Улсын Тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийнхээс бэлдлээ. Түүнийг “Макс”
группийн ерөнхийлөгч, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан… гээд
бизнесийн том төлөөлөл гэдгээр нь хүмүүс бас мэднэ.

Гал тогооныхоо хавиар хүүхдүүд
нь бужигналдсан, эхнэр нь цай хоол болсон, хүмүүс орж гарсан, хурдан морины
яриа хөөрөө дэлгэсэн, амгалан сайхан монгол айлын дүр зураг тэднийхээс
мэдрэгдэнэ. Тэдний гэрт хуучны нэг бор шүүгээ байна. Түүний өөдөөс харах шилэн
сервантанд бараг соц үеийнх байх гэмээр хуучны шаазан эдлэлүүд өрсөн харагдах
нь хүмүүсийн бодож байгаагаас даруухан аж. Том өрөөнд нь нэг буйдан. Өөдөөс нь
харах зурагтын дээр даллаганых нь бумба тэргүүнтэй, түрүү морьдынх нь бай
шагналын дээжис, найз нөхдийнх нь бэлэглэсэн морьдын баримлууд, мэдээж нэг
хуучны эмээл. Д.Цэрэнжигмэд тод манлай хэлж байна аа, “Гар утсанд олон дуудлага
орж ирнэ л дээ, тэр бүр яриад байж чаддаггүй юм. Өчигдөр харин санаандгүй автал
“Өдрийн сонин”-оос гэлээ. Уулзах ёстой хүмүүс уулзаж, болох ёстой зүйл
болдгоороо болдог гэж үг бий. Өнөөдөр та нартай уулзах л ёстой байж” хэмээн
бидний яриа эхэллээ. Аавтайгаа ойр зуурыг ярилцах бадриун залуу бол том хүү
Идэрболд нь юм байна. Бээжинд сурч байгаад иржээ. Одоо “Макс шил” гэдэг компани
байгуулан ажиллаж байгаа гэнэ. Идэрболд тусдаа гарахгүй аав ээжийнхээ дэргэд
шигдээд байгаа нь отгон дүү Манлай гэж “Шинэ монгол” сургуулийн бага ангийн
сурагч нөхрийн уурыг жаахан хүргэжээ. Манлай сүүлийн үед нэлээн ширүүнээр “Та
одоо тусдаа гар, тэгээд өрөөгөө надад өг” гэж дарамталсан байна. Харин ах нь
нэг л үгээр түүний амыг таглажээ. “Чи тэгээд өрөөндөө ганцаараа унтаж чадах юм
уу” гэж. Том, жижиг хоёрынх нь дунд нэг иймэрхүү асуудал үүсээд байгааг аав,
ээж хоёр нь ярьж инээлдэв. Ц.Идэрболд “Намайг жаахан байхад аав Өвөрхангайд
морь унахыг зааж байлаа. Тэр үед зургаан настай л байсан байх. Махлаг биетэй
болохоор тэгсгээд хүнддэж таранд явахгүй хөлсөнд л явдаг болсон доо. Сүүлдээ
уяа морьдоо манах, хоолыг нь тааруулах ажилд тусалдаг болсон. Морь манахад
хөвөнтэй дээл ч сайхан дулаахан шүү. Хамгийн дулаахан юм тэр байна. Өөр
хувцастай морь манахаар даараад байдаг юм” хэмээн ярианд оролцлоо.

Д.Цэрэнжигмэдийнх Зайсан дахь
энэ байшиндаа ороод хоёр жил орчим болж байгаа гэнэ. “Хотын төвд гурван өрөө
байрандаа хэдэн хүүхэдтэйгээ болоод л байсан. Хүүхдүүд том болохоороо тусдаа
өрөөтэй байх гээд… харж байгаа биз дээ, одоо энэ хамгийн бага хүртэл ахыгаа гэрээс
нь хөөгөөд, өрөөгөө надад өг гэж хэл ам болоод байгааг. Тэгээд энэ нэг байшинг
барьж орцгоосон юм” гэв. Таны үеийн бизнесмэнүүдийг харж байхад хүүхдүүдээ
гадаадад сургаад эхнэртэйгээ хоёулхнаа том байшиндаа сууж байдаг юм билээ гэвэл
Тод манлайгийн эхнэр Д.Эрдэнэчимэг эгч “Хүүхдүүд бүгдээрээ Монголдоо байгаа.
Нялх юмнуудыг гадаадад сургаад яахав дээ, ядаж аав ээж хоёрыгоо санаад болохгүй
биз дээ” гэсэн нь за энэ хоёр бол хүүхдүүдээ өөрсдөөсөө холдуулах дургүй хүмүүс
юм байна гэсэн ойлголтыг төрүүллээ. Том хүүгээ Бээжингээс ирэнгүүт нь бие
даалгаж бизнес рүү оруулжээ. Өөрийнх нь оюун ухаанаар ажил хийлгэж сургая гээд
Монголын зах зээлд ямар бизнес эрэлттэйг судлуулсан. Идэрболд өөрөө гадагшаа
явж, үзэсгэлэн энэ тэрд оролцож, тоног төхөөрөмж, технологио авчирсан. Бүгдийг
тэгээс эхлүүлж байгаа. Цэрэнжигмэдийн хүүхэд гэхээрээ бүх зүйл нь амар хялбар,
асуудалгүй бүтдэг юм гэж хаана байхав дээ, зовлон жаргал дундуур явж, бие
сэтгэлээрээ мэдэрч байж л амжилтад хүрнэ шүү дээ хэмээн ярьсан юм.

Д.Эрдэнэчимэг эгч бол нийтийн
хоолны технологийн инженер мэргэжилтэй. “Макс” группийн “Берлин бургер” хоолны
сүлжээний зөвлөх, мөн Монголын “Хоол урлахуй” нийгэмлэгийн тэргүүн. Та ч
наадам, цагаан сараар зочин гийчний хоол цайнд дарагдана биз гэвэл “Наадмаар
гайгүй ээ, Хүй долоо худагт манай Берлин бургерийн аварга тогоочид, хамгийн
сайн зөөгч нар ирээд үйлчилчихдэг юм. Зочдоо угтах, үдэх ажилтай л байдаг.
Цагаан сараар бол харин бүгдийг өөрөө хийнэ ээ” гэлээ. Д.Цэрэнжигмэд тод манлай
“Цагаан сараар өглөө эрт аав, ээждээ очиж золгоно. Дараа нь хадмын талдаа
золгочихоод адуу руугаа давхичихна. Уул овоондоо идээ будааныхаа дээжийг
өргөдөг. Хурдан морьдынхоо уяаг харж, хийморио сэргээнэ. Тод манлай Ононгийнх
манай хойно. Онон гуайнхаар золгочихоод хот руу давхидаг юм. Ирэхэд гэрээр
дүүрэн хүн ирчихсэн байна. Тэгээд л баруун солгойгүй золгож гарна даа.
Уламжлалт сайхан баяр даа. Монгол хүн гэдгээ мэдэрдэг баяр юм уу даа” хэмээн
сар шинээ хүлээсэн монгол эрийн хийморь цухас хийв.

Морины уяан дээр бас л сайхан
шүү дээ. Би ч хагас, бүтэн сайнд өглөө босоод цай ундаа ч уулгүй морь руугаа
явчихдаг юм гэснийг Д.Эрдэнэчимэг эгч залгуулан “Манай хүн гэртээ хоол хийгээд
хүн дайлах дуртай” гэхэд Цэрэнжигмэд манлай “Манай ээж хүмүүс орж ирж л байвал
баярлаж байдаг. Ээжийг байгаа газар хүмүүс бужигналдаж байдаг юм. Хүний алга
дээш нь харуулж байвал ажил үйлс бүтдэг гэж манай ээж ярих дуртай” гэсэн нь энэ
бүхэн ээжээс минь эхтэй миний зан араншин байгаа юм аа гэдгээ хэлэв бололтой.

Эдний том охин Мишээл МУИС-ийн
төгсөх курсийн оюутан. Буудлагын спортоор хичээллэдэг. Сая Кувейтэд болсон Ази
тивийн аварга шалгаруулах тэмцээний гар бууны төрөлд мөнгөн медаль хүртжээ.
Ц.Мишээл “Буудлагын спорт бол сэтгэл зүйн спорт. Маш сайн төвлөрөх хэрэгтэй
болдог. Энэ спортоор би Алтаа багшийнхаа удирдлагад хичээллэж байгаа. Дэлхийн
аваргын хэмжээнд өрсөлдөхийн тулд маш их бэлтгэл хийх, төвлөрөх хэрэгтэй болно
доо” гэлээ. Д.Эрдэнэчимэг эгч “Нэг хэсэг манай хоёр том аавтайгаа бараг
уулздаггүй байсан. Хүүхдүүдээ унтаж байхад аав нь ирдэг. Өглөө аавыгаа унтаж
байхад энэ хоёр сургууль цэцэрлэгтээ явчихна. Ажил амьдрал тэгж их завгүй
өрнөсөн үе амьдралд байдаг юм шүү” гэлээ.

Ганбаа бид хоёрын өнөөдрийн
бизнес Германаас машин зөөхөөс улбаатай. Нэг удаа машин авахаар Берлинд
оччихсон хуучин машин зардаг сонин хараад сууж байлаа. Тэгсэн хар өнгөтэй бенз
230 зарна гэсэн байна. Тэр нь “Метро” гээд бөөний худалдааны төвийн захирлын
машин болж таарлаа. Машин ч таалагдлаа, нөгөө захиралтай наймаа тохирлоо. Өнөөх
чинь жолоочоо угаалгачихаад ир гээд явуулчихсан. Тэр хооронд өрөөндөө оруулаад
дайлаад, дараа нь том дэлгүүртээ орууллаа. Үзээгүй юмаа тэнд үзлээ. Тэр хооронд
бидний зургийг аваад дэлгүүрээрээ үйлчлүүлж байх үнэмлэх өгсөн. Жижиг бизнес
эрхэлдэг хүн л тийшээ ордог юм гэлээ. Хоёр, гурван машин авах гэж байснаа
болиод тэр дэлгүүрээс бараа дараад Монгол руу ачууллаа. Уулзах ёстой хүмүүс
уулздаг гэж энэ. Хүнсний супермаркетийн эхлэл тэр болсон юм. Машинаа контейнерт
ачуулна. Дээгүүр, доогуур нь сул зай их гарна. Тэрийгээ ашиглахгүй бол тээврийн
зардал их гарна. Тийм болохоор тэндээс хатуу мебель шкаф доор нь тавиад, дээр
нь зөөлөн буйдан тавьж ирүүлдэг боллоо. Евро мебелийн эхлэл ингэж тавигдаж,
Нацагдоржийн номын сангийн сул талбайнуудад мебелийн үзэсгэлэн гаргаж байлаа.
Түүнээс хойш бага багаар өсөн дэвжиж явсаар байгаад өнөөдөрт хүрлээ. Сая “Burg­er
king”-ийн эрх авах гэж Монголоос олон компани өрсөлдсөн. Санхүүгийн хувьд аваад
явж чадах уу гэдгээс авахуулаад олон шалгууртай. Судалгааны баг явуулсан нь
манайхыг сонгосон юм. Ийм л маягтай их ажил дунд цаг хугацаа урсаж байна. “Би
гадагшаа олон хоног ажлаар явна. Тэгж явсаар Буянт- Ухаадаа бууж, онгоцны шатан
дээр нэг гүнзгий амьсгаа аваад алхах ч сайхан. Надад ч тэгээд Монголын минь юм
бүхэн сайхан санагддаг юм даа. Хүмүүс гадаа хүйтэн байна л гээд байна. Үнэндээ
даараад, чихээ бариад алхах гоё шүү дээ. Би заримдаа малгайгүй, хөлдөж үхэх
гээд гудамжаар алхчихдаг юм” гэж ярих нь содон сонсогдлоо.

Цэрэнжигмэдийнх байгаадаа
сэтгэл хангалуун, стресс нервгүй айл юм. Манай гэр бүлийн хувьд энэ жил аз
хийморьтой байгаа. Энэ жил унаган адуунууд минь улсад түрүүлж, айрагдлаа. Анх
удаа Монголоос морин уралдааны дэлхийн аварга манайхаас төрлөө. Охин минь Ази
тивийн аваргаас мөнгөн медаль авсан” гээд сайхан зүйл их тохиосон. Ер нь
хүүхдүүдийг багаас нь ямар нэг спортоор хичээллүүлж байх ёстой юм билээ. Сэтгэл
зүй сайтай болдог. Манай бага хүү Манлай теннисний спорт сонирхоод байх шиг
байна, харин бага охин минь ямар спортод дуртай билээ гэвэл Нинжбадам
“Волейбол, сагсан бөмбөг тоглох дуртай. Бас моринд их дуртай. Зун морио унаад
хөлсөнд явдаг. Намайг морио хөлслөөд явж байхыг Онон ах гэрийнхээ үүдээр
харчихаад Цэрэнжигмэдийн хоёр хүүхэд мөн үү гээд байсан. Ер нь би хөдөөний ажил
сайн хийдэг. Гэдэс арилгана, боорцог хийнэ. Үнээгээ саачихна. Хүүхдүүдтэй цуг
морь хөлсөлдөг. Жүчээгээ цэвэрлэнэ” хэмээн ярилаа. Монголын том бизнесмений
отгон охиныг ийм юм ярьдаг гэхээр зарим нь үнэмшихгүй ч байж мэднэ.

Ажил үйлс, амьдрал ахуй нь
адууны хийморьтой айл гэвэл Монгол Улсын Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийнхийг
хэлнэ. Дэлхийн аваргад морь түрүүлгэсэн нь моринд дуртай монголчуудын хувьд
онцгой үйл явдал болсон юм. Бидний яриа энэ сэдэв рүү хазайлаа. Монголчууд
чаддаг ажлаараа дэлхийд түрүүлж, дэлхийн тэр их өндөр хурдтай, өндөр үнэтэй
морьдыг дийлсэн. Мориор дэлхийд гарах цаг болсныг ч харууллаа. Манай “Mongolian
Saturday”-г дэлхийд түрүүлсэн өдөр олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр
янз бүрийн л өнцгөөр бичсэн. Хонгконгийн сэтгүүл дээр “Монголчууд ирж биднийг
мориороо эзлэх гэж байна” гэсэн. Дэлхийн хамгийн алдартай морин тойруулгын
уралдаанууд Хонгконгод болдог л доо. Манай морийг түрүүлэхэд стадион даяар
хөтлөгч нь “Монголын Бямба гариг түрүүллээ. Бүрэн утгаараа энэ өдөр Монголын
хагас сайн өдөр болж чадлаа” хэмээн дахин дахин зарлаж байсан. Тус уралдааныг
зохион байгуулагч нь шууд л Английн хатан хааны нэрэмжит уралдаанд урьсан. Та
нар яг энэ хувцастайгаа очиж уралдвал гайхамшигтай байна шүү гэж л онцолсон.
Ганбаа бид нар бүгдээрээ л үндэсний дээл хувцас, тод манлай уяачийнхаа малгайг
өмсөж очсон нь агуу түүхтэй ард түмний үр сад энд явж байна шүү гэдгээ л
харуулсан хэрэг.

Та бүхний гаргасан энэ амжилтыг
шинэ бизнесийн үүд нээгдлээ, монголчууд морины бизнесээр олон улсын зах зээлд
гарах том гарцтай боллоо гэж бичсэн гэвэл Д.Цэрэнжигмэд “Олон улсын морин
уралдаан өөрөө том зах зээл, том эдийн засаг шүү дээ. Манайхан хар багаасаа
адуутай, морьтой харьцаж сурсан хүмүүс. Гадны томоохон морин тойруулгууд дээр
монгол залуучууд олноороо уяач, унаач, адуучнаар нь ажиллах үүд хаалга
нээгдсэн. Монголчууд моринд ямар мундгийг тэр өдрүүдэд гадныхан үндсэндээ мэдэрч,
биширсэн дээ. Тэр уралдаанд Японоос олон морь ирж уралдсан юм. Японы нэг өвгөн
ирчихсэн байсан. Манайхан сайхан сэтгэлтэй болохоор өнөө өвгөнд зөвхөн морьдын
эзэд ордог эрхийг зүүгээд оруулчихсан байсан. Манай морийг түрүүлэхэд биширч,
дахин дахин ирж баяр хүргээд л, энэ зун заавал Монголд очно гэсэн. Тэгсэн
саяхан утасдаад гурван монгол залуу авч ажиллуулахаар болсон гэж байна. Манай
уяачдаас нэг нь явна. Хоёрыг нь өөрсдөө сонгох байх. Ингээд л адуучин залуучууд
маань гадагшаа явж, дуртай ажлаа хийх боломж нь нээгдэж байна шүү дээ” хэмээн
бахархалтайгаар хэллээ.

Уяачид гэхээр өрөөсгөл ойлгодог
хүмүүс мэр сэр бий. Тэгвэл хурдан морь гэдэг өөрөө олон улсын түвшний том эдийн
засаг гэдгийг Дагвадоржийн хоёр хүү ийнхүү харуулсныг монголчууд өнөөдөр хүлээн
зөвшөөрч байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа сүйрч баларсан Япон улсын эдийн
засагт чамгүй их мөнгө авчирсан салбар нь дэлхийн баячуудыг далласан морин
тойруулгууд, морин уралдаанууд байсныг тэр улсын түүх өнөөдөр харуулдаг.
Д.Цэрэнжигмэд тод манлай ч ярьж байна лээ, “Дэлхийн морин уралдааны менежерүүд
сайн ажилладаг юм билээ. Морь түрүүлгэчихээд байж байх тэр мөчид Хонгконгийн
морин холбооноос манай Ганбат руу шууд залгаад Хонгконгийн уралдаанд урих
талаар ярилцъя гэсэн. Тэгснээ төд удалгүй дахиж залгаад урих шийд гаргасан.
Албан ёсоор урилга өгч байна шүү гэсэн. Тэр үед Хонгконгод шөнө болж байгаа юм.
Гэтэл Америкт болж байгаа морин уралдааныг хараад сууж байдаг байна. Тэгж л
ажилладаг юм билээ” гэв.

Ийм амжилтад хүртлээ Ганбаатар
тод манлай та хоёр их ч зардал гаргасан байх даа гэвэл манай дүү Ганбаатар
арваад жилийн өмнө Америк руу Бандгай, Онон нартай хамт явсан. Өөрөө сүүлд
тэрийгээ ярьсан байна лээ. Нэг удаа оролдлого хийж үзээд болоогүй. Хоёр, гурван
жил өнгөрсөн. Тэгээд сая очиж Дэлхийн аваргад морио түрүүлгэж, монголчуудынхаа
магнайг тэнийлгэлээ. Ер нь бол дэлхийд морь түрүүлгэх нь миний хүсэл гээд
Ганбаа их ярьдаг байсан л даа. Тэгэхэд зарим хүмүүс Ганбаатар юу яриад байгаа
юм гэж боддог байсан байх. Аргагүй тэр хүсэл биелсэн дээ. Манайхан морь таньж
авахдаа аргагүй л өөр юм билээ.

Харин үүнийг л танаас асууя гэж бодоод явлаа. Морио, “Mongolian
Saturday”-г яаж шинжиж таньж авсан юм бэ. Монгол адуугаар бол голлож ямар
шинжийг нь мэдэрч авсан юм бол. “Дуудлага
худалдаанд орох даагануудын танилцуулга номтой эхэлж танилцдаг. Нэг, хоёр,
гурав гээд ангилчихсан танилцуулгын ном. Нэг, хоёрдугаар ангилалд нь удам угсаа
сайтай, хамаагүй өндөр үнэтэй дааганууд байдаг. Бид нар яахав дээ, бэл
бэнчиндээ тааруулаад хамгийн бага зэрэглэл болох гуравдугаар номноос нь харж,
хямд үнэтэйгээс нь авсан. Удам угсаа гэж айхавтар юм байхгүй. Тэрнээс ах дүү
нар нь давхиж байсан 1,2 дугаар зэрэглэлийн дааганууд бол дуудлага худалдаанд
өндөр үнээр дуудагддаг. Одоо бол манай Бямба гариг маань үнэ нь өндөр болсон л
доо. Хамаатан садан ах, дүү нар нь ч үнэд орчихсон байгаа. Харин шинжихдээ
голлож анхаарсан юм бол махны ширхэг зузаантай. Арьс зөөлөнтэй, нимгэн гэх
шинжийг л харсан гэж Онон гуай хэлэх юм билээ. Ер нь Онон манлай сонгосон л
доо. Хамгийн доод зэрэглэлийн, хямд үнэтэй адуунаас морь шинжиж аваад дэлхийн
аваргад түрүүлгэчихсэн монголчуудыг биширсэн нь тухайн үеийн мэдээллүүдээс
харагдаж байсан. Үнэндээ Ганбаатар, Цэрэнжигмэд гэж хоёр хүний нэр дуулдахаасаа
илүүтэй монголчуудын морь түрүүллээ гэсэн шуугиан их байсныг байсан хүмүүс
анзаарсан даа” гэв.

Одоо ч цагаан сар хаяанд ирлээ
дээ. Танайх цагаан сар, наадмыг нүсэр тэмдэглэнэ биз гэхэд Д.Цэрэнжигмэд тод
манлай, ёстой л нүсэр болно доо. Хүй долоон худагт гурван хоног зочин ихтэй
өнжинө. Хурдан буянгууд минь намайг олонтой болгосон. Морины уяан дээр л тэгж
хүмүүс цугладаг байх. Азарга түрүүлгэчихээд байж байхад хуучин, шинэ хоёр
Ерөнхийлөгч хэдхэн цагийн зөрүүтэй ирж байх жишээтэй. Өнөө телевизээр үзэж
тараад байдаг хоёр намын хүмүүс чинь манай уяан дээр л хамтдаа инээж хөхрөлдөөд
зогсож байдаг юм. Нэг өдөрт долоон орны Элчин сайд буугаад мордох үе ч бий.
Монголчууд бариан дээр морь орж ирэхийг хараад доголон нулимстай зогсдог ард
түмэн шүү дээ. Ганбаа бид хоёрын хувьд хурдан морины хамгийн дээд цолыг нь хүртсэн
хүмүүс болохоор үүрэг хариуцлага их байдаг. Тэр нь наадмын зохион байгуулалтад
үлгэр жишээ сайхан оролцож, наадамчин олноо баярлуулж цэнгүүлэхээс эхлээд,
төвшин сайхан байх ёстой. Том цолтны үлгэр дуурайл гэж айхавтар юм бий. Энэ жил
гэхэд их насны морийг хүний машинд суугаад дагасан. Бараг цагаан хөтөл давж
байхад халтар морь байдаггүй. Тоолоод байсан бараг 50-60-аадаар явж байна.
Гараан дээр жаахан алдаад гарчихсан юм билээ. Жаахан харъя даа. Найдвар бага
юм. Татуулаад амраачихдаг юм уу гэж хүртэл бодоод явж байтал Цагаан хөтөл
уруудаад өнгөний адуунууд дээр хүрээд ирсэн. Тийм сайхан амьтныг чинь нулимсаа
дуслуулаад хараад байхаас өөр яах билээ. Ингээд л шарга мориныхоо ард айргийн
дөрвөөр орж байгаа юм. Энэ хоёр их сонин адуунууд, нэг нь түрүүлбэл дагаад л
айрагдаж байдаг юм. Мултрах юм бол хоёулаа л мултарчихдаг. Ер нь гэхдээ
уралдсан бүхэндээ түрүүлж айрагддаг аваргууд даа.

Энэ үеэр Д.Эрдэнэчимэг эгч
“Морь түрүүлсний дараа уяачдын гэр бүлийнхэн нь төв асарт орох гэж их хэцүү.
Очоод цагдаа нарт туугдаад сүйд болно. Инээдтэй юм болж байж орно. Угаасаа
баярлаад явж байгаа хүмүүсийг аятайхан оруулчихмаар байдаг. Эхнэр хүүхдүүд бид
чинь тэр морь түрүүлэхэд арын албанд нь сайн зүтгэсэн байгаа шүү дээ (инээв).
Тэрийг наадмын зохион байгуулах хорооноос анхаармаар юм шиг санагддаг. Би бол
яахав, ханийнхаа буянд хэдэн жил ороод гарч л байгаа. Анх удаа улсын наадмынхаа
асарт морио цоллуулах гэж байгаа, сэтгэл нь хөөрсөн хүмүүс их хэцүү харагддаг
юм гэсэн нь бодууштай санагдлаа.

Дэлхийд алдартай, олон сая
уншигчтай “Forbes” сэтгүүлээс сурвалжлах баг ирж ах, дүү хоёр тод манлай уяачид
болох Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нарын талаар сурвалжлага бэлдсэн нь тэдний
бизнесийг, улмаар Монгол Улсын нэр хүндийг өндөрт хүргэсэн хэрэг болжээ. Алдарт
“Forbes” сэтгүүл дээр тэдний тухай “Монгол Улсын иргэн Дагвадоржийн хүүхдүүд
анх ангийн арьс зарж бизнесээ эхэлж байсан ч одоо олон салбарыг цэцэглүүлсэн
“Макс” группийн эзэд болжээ. Өнөөдөр тэд Монголын зах зээл дээр “Макс”
супермаркет, Сүү компани, “Berlin burger” түргэн хоолны газар, “Мaхipot”
ресторан, “Макс зам”, “Макс цонх”, “Макс өргөө”, “Rama­da” зочид буудал,
багахан дэлгүүрээс эхлээд хувцас болон тавилгын шинэхэн “Max­mall” дэлгүүрийг
ажиллуулж байна. Мэдээж үүнд “Макс” уул уурхайн компанийг дурдахгүй байхын
аргагүй. Учир нь тэд алтны уурхайг хослуулан ажиллуулдаг юм. Ах, дүү нар
Улаанбаатар хотод хэрэглээний 650 мянган кв метр талбай эзэмшдэг, 2500
ажилтантай, өнгөрсөн жил 42 сая долларын худалдаа хийжээ. (Үүнд сүүний
бүтээгдэхүүн ороогүй) Дагвадоржийнхон Монголд 500 хурдан морьтой. Энэ бол
Чингис хааны үеэс Монголын талыг туулсан хийморьлог хөрөнгө юм. Мөн Америкт
уясан даагануудынх нь нэг Mongo­lian Star Kentucky уралдаанд түрүүлэн
монголчуудад анхны найдварыг төрүүлжээ” гэхчлэн хэдэн нүүр том нийтлэл бичжээ.
“Forbes” сэтгүүл дээр ийнхүү гарсаны дараа дэлхийн ижил чиглэлээр бизнес
эрхэлдэг цөөнгүй хүн холбогдсон байна. Та манайхтай адил бизнес хийдэг юм
байна. Ийм зүйл дээр хамтрах боломж байна гэсэн саналууд иржээ.

Гэрт нь өрнөсөн их яриа цааш
тэдний хурдан морьдын жүчээ байх Өлзийт хороолол хүртэл үргэлжилсэн юм. Бид
Өлзийт хороолол руу явах замдаа Айдасын даваа руу тонгойход Цэрэнжигмэд тод
манлай “Морьд энэ даваагаар уралддаг байхад Асгат саарал маань анх улсын
наадамд хязааландаа аман хүзүүдсэн юм. Энэ даваан дээр явуул гээд дохиход бөөн
бөөнөөр нь идээд л урагшаа явчихаж билээ. Нүдний нулимсаа барьж чадахгүй байсан
шүү” гэв. Өлзийт хороолол морины том төв болжээ. Мориор амьсгалсан орчин. Хашаа
болгонд морь тэжээсэн, адуу малласан хүмүүс. Сунгаатай өдөр сургуульд нь цөөхөн
охид хичээлдээ суудаг гэж дуулдав. “Манайх энд 100-гаад адуу тэжээж байгаа.
Жилд 10-аад мянган боодол өвс ордог юм. Овъёос, хивэг гээд бас овоо их юм орно.
Адуучин, туслах адуучин, жолооч гээд л зөвхөн адуун дээр гэхэд л нэлээд олон
хүн ажлын байраар хангагдаж байгаа. Уяаны үед 30-40 хүн ажилладаг. Манай унаач
хүүхдүүд бүгд хувийн хадгаламжийн дэвтэртэй. Бид жилд цалин хөлс, шагнал
урамшууллыг дансанд нь хийчихдэг. Мөнгө гаргах хэрэг гарвал аав ээж, хүүхэд
гээд гурвалсан гарын үсгээр авчихдаг юм. Анх “Maxmall”-ынхаа нээлтэн дээр Асгат
саарал азарганыхаа төлийг дуудлага худалдаанд оруулсан юм. Хүмүүс их идэвхтэй
оролцсон. Тал талаас үнэ хэлээд тухайн үед 20 саяар зарагдсан. Бүгдийг нь
асрамжийн газрын хүүхдүүдэд Худалдаа хөгжлийн банкинд хадгаламж нээж өгсөн.
Жилээс жилд энэ ажил маань өргөжөөд явж байгаа. Аргагүй тусламж, дэмжлэг
хэрэгтэй, бүтэн өнчин, эмзэг бүлгийн хүүхдүүдэд тэгж тусалж байна. Манай уяаны
унаач хоёр хүүхэд маань оны шилдэг унаач болж байгаа. Гансүх, Цэрэндаваа гээд
хоёр хүү бий. Бас хоёр их насны морьд оны шилдэг морьдоор шалгарсан. Энд
морьдыг маань аавын минь дүүгийн хүүхэд П.Алтансүх гэж залуу хариуцдаг юм. Мань
нөхрийг Гов-Алтайгаас жаахан хүүхэд байхад нь авчирсан юм. Тэгээд нас биед
хүрээд ирэхээр нь нутаг орондоо сууна барина гэсэн бүсгүй байдаг юм бол одоо
авчраад гэрлэ гэсэн, нэг охин аваад ирсэн. Ингээд л энд гэр бүлээ зохиогоод
хүүхэд шуухадтай болоод морьдоо уяад тов хийгээд амьдарч байна. Алдарт уяач
цолоо авчихсан. Энэ жилийн “Шилдэг гал” одоо тодорч байгаа байх. Манайх лавтай
хоёрт орчих байх гэсэн багцаа байна. Манай галаас энэ жил таван түрүү, арван
айраг авсан юм байна лээ хэмээн хөөрөлдсөн шигээ бид уяа морьдынх нь дундуур
алхацгаалаа.

Манай уяан дээр саяхан нэг
хөгжилтэй яриа боллоо хэмээн Д.Цэрэнжигмэд манлай ярив. Даваахүү манлай хүнтэй
муудалцвал өмнөөс нь элдэв үг хэлэхгүй зүгээр л ерөөх гэнэ. Муудалцсан хүнийхээ
өөдөөс “За хүү минь сайхан таргалаарай” гээд ерөөчих юм гэсэн. Тарган хүнд
зовлон их байдаг байх нь л дээ гэсэн нь тэдний уяа морьдыг сэргэтэл бөөнөөрөө инээлдэхэд
хүргэв. Уяа морьдын орчин ийм л гэгээн сайхан байдаг даа гэсэн бодолтой,
уужимхан амьсгаа аваад бид хот руу хөдөллөө.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Б.Цогтбаатар: Өвлийн улиралд Улаанбаатар хотод хүүхэд тээж төрүүлэх нь сөрөг нөлөөтэй

-АГААРЫН БОХИРДЛООС БОЛЖ УЛААНБААТАР ХОТЫН САЯ ГУРВАН ЗУУН МЯНГАН ИРГЭД БҮГДЭЭРЭЭ АРХАГ ХОРДЛОГОТОЙ БАЙНА-

ЭМСЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Анагаах ухааны доктор Б.Цогтбаатартай ярилцлаа.

-Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх хэмжээнд хүрсэн үү?

-ДЭМБ-ын агаарын бохирдлын стандарт гэж бий. Монголд мөн агаарын чанарын стандарт гэж байдаг. Энэ стандартад заагдсаны дагуу үндсэн бохирдуулагч бодисонд нүүрсхүчлийн хий, азотын давхар исэл хүхрийн хий, нарийн болон бүдүүн ширхэгт тоосонцор зэрэг ордог. Эдгээр бодисуудын хэмжээ тодорхой түвшинд байж хүний амьсгалж байгаа агаар хэвийн чанартай байна гэж үздэг. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг тодорхойлогч гол бодисуудын түвшин ДЭМБ-ын гаргасан стандарт хэмжээнээс таваас долоо дахин өндөр байдаг. Нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ арван метр куб агаарт арван микрограммаар нэмэгдэхэд зүрх судасны өвчлөлөөр эмнэлэгт хэвтэж байгаа хүний тоо 0.8 хувиар нэмэгдэнэ гэж үздэг.

-Монголд амьсгалын замын өвчлөл өндөр байгаа гэж ойлгож болох уу?

-Өвчлөлийн номер нэг шалтгаан бол амьсгалын замын өвчлөл. Нас баралтын номер нэг шалтгаан зүрх судасны өвчлөл байдаг. Аль алинд нь агаарын бохирдол шууд нөлөөтэй. Бидний Канадын их сургуультай хамтарч хийсэн судалгаанд агаарын бохирдол зүрх судасны өвчлөлийг 29 хувиар нэмэгдүүлдэг гэж гарсан. Мөн уушгины хавдрын шалтгаант нас баралтыг 40 хувиар нэмэгдүүлж байна.

-Агаарын бохирдол урагт яаж нөлөөлдөг юм бэ?

Агаарын үндсэн бохирдуулагч бодис ургийн бойжилтод шууд муугаар нөлөөлж байдаг. Үүнийг олон улсын судалгааны үр дүнгээр нотолчихсон. Сүүлийн гурван жилд Сүхбаатар дүүргийн жирэмсэн эхчүүдэд ургийн бойжилтод агаарын бохирдол яаж нөлөөлж байгаа талаар судалгаа хийсэн. Агаарын бохирдолтой орчинд ураг тээж төрүүлэхэд бага жинтэй ураг төрөх замаар илэрч байгаа юм. Мөн ураг эрүүл мэндийн хувьд эмзэг, өвчлөмтгий болох магадлалыг ихэсгэж байгаа.

-Улаанбаатар хот агаарын бохирдлоор дэлхийд дээгүүрт ордог. Тэгэхээр Улаанбаатар хотод жирэмслэх нь аюултай гэж ойлгож болох уу?

-Манай иргэд хариултыг нь өөрсдөө олчихоод сүүлийн жилүүдэд аль болох урин дулааны улиралд хүүхдээ тээж төрүүлж байна. Эсвэл зуслан, Улаанбаатарын ойролцоох орон нутаг, хотууд руу явж хүүхэд тээх хандлага бий болчихсон. Энэ бол нууц биш. Өнөөдөр Улаанбаатарт өвлийн улиралд арваннэгдүгээр сарын сүүлээс эхлээд хоёрдугаар сарын эхэн хүртэлх энэ цаг хугацаанд жирэмсэн эх, архаг хууч өвчтэй хүмүүс, настайчууд, харьцангуй эрүүл саруул гэж үзэгддэг залуу хүмүүс ч гэсэн агаарын бохирдолд өртөхгүйгээр эрүүл байх боломж тун хэцүү асуудал болоод байна.

-Агаарын бохирдол эрүүл мэндэд нөлөөлж байгаа нь мэдэгддэг үү. Шинж тэмдэг илрэх үү?

-Улаанбаатар хотынхон маш муу агаараар амьсгалж байна. Магадгүй өөрсдөө мэдэхгүйгээр тэр үр нөлөөг амсаад явж байгаа. Лондонд 1950-иад онд агаарын бохирдлоос болсон хурц хэлбэрийн хордлого илэрч 4000-12000 хүн хоёр хоногийн дотор нас барсан байдаг. Одоогоор Монголд тийм хэмжээний хордлого буюу шууд шалтгаант нас баралт учиргүй их харагдахгүй байна. Гэхдээ бидний мэдэхгүй хурц хордлого, нас баралт явагдаж байгааг үгүйсгэхгүй. Энэ хурц хордлогод өртөх магадлалтай хүнд хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүс, амьсгал болон зүрх судасны тогтолцооны өвчтэй настайчууд орно. Тэгэхээр архаг хордлогод улаанбаатарчууд тэр чигээрээ орж байгаа. Хэмжээний хувьд жаахан жаахан өөр байгаа байх. Улаанбаатар хотын сая гурван зуун мянган иргэн бүгдээрээ архаг хордлоготой байгаа. Хурц хордлогод хүрэхгүйн тулд, бид өрх гэрийн түвшинд өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахын тулд боломжтой аргуудыг гаргаж хүмүүст мэдээлнэ.

-Хувь хүн энэ хордлогоос сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Агаар ийм өндөр бохирдолтой байхад хувь хүн шүүлтүүртэй маск зүүх ёстой. Гадагшаа гарсан тохиолдолд маскныхаа шүүлтүүрийг нь тодорхой хугацаанд сольдог байх ёстой. Болж өгвөл агаарын бохирдол хамгийн өндөр байдаг өглөө, оройн цагаар гадагшаа гарахгүй байх шаардлагатай. Агаарын чанарын үндсэн үзүүлэлтээ аваад үзэхээр агаарын бохирдол бага байх хугацаа 12 цагаас 16 цагийн хооронд байдаг. Энэ үед жирэмсэн эхчүүд, нялх хүүхэдтэй хүмүүс маань хүүхдээ гаргаж болно. Нялх хүүхэдтэй хүмүүс хүүхдээ заавал хөхөөрөө хооллох ёстой. Бүх насны хүмүүс биеийн эсэргүүцлээ дэмжихэд анхаарах хэрэгтэй.

Агаарын бохирдлыг гадаад болон дотоод гэж ангилдаг юм. Хүн цагийнхаа 90 орчим хувийг ажил, гэр, нийтийн тээвэрт гээд дотоод орчинд өнгөрөөсөн байдаг. Бохир агаарт өртөж хордлогод ороод байгаа 70 гаруй хувь нь дотоод орчны агаараас болдог. Тэгэхээр гэртээ орж ирсэн агаарыг чанартай байлгахын тулд шүүлтүүртэй агаар шүүгч авч хэрэглэх ёстой. Хэдэн зуун мянган төгрөгийн агаар шүүгч хүн болгон авч чадахгүй гээд байгаа юм. Бидний хийж чадах зүйл хязгаартай байна. Үүнийг няцаалгүй хүн өөрөө эрүүл байж тодорхой хэмжээний хорноос хол байя гэвэл тэр боломжоо бүрдүүлэх хэрэгтэй. Өөрийнх нь болон гэр бүлийн хайртай дотны хүмүүсийнх нь уушги хамгаалагдана шүү дээ.

-Нийслэлийн иргэд бүгд архаг хордлоготой байгаа гэсэн. Энэ хордлого ямар уршигтай вэ?

-Агаарын бохирдлын архаг хордлогуудын хор нөлөө хожуу илэрнэ. Уушгины хавдар удахгүй нэмэгдэнэ. Тэгэхээр цаг алдаж суулгүйгээр хувь хүн өөрөө өрх гэрийнхээ төлөө эрүүл мэндээ яаж хамгаалах талаар бодож санаачилгыг гартаа авах хэрэгтэй байна. Хүн болгонд хамаатай учраас өөрөө л асуудлаа шийдэх хэрэгтэй. Төр засгаас бид хүлээх юм байна. Бас хүлээх боломжгүй ч юм гэж бий шүү дээ. Өнөөдөр улсын хэмжээнд нэг жилд агаарын бохирдолтой тэмцэхэд таван тэрбум төгрөг тавьж байна. Энэ чинь юу ч биш. Өнөөдөр бүх хүний эрүүл мэндийн талаар ярьж байна. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн байгууллагаас энэ асуудалд хандуулж байгаа. Энэ нийгмийн эрүүл мэндийн амин чухал зүйл болжээ. Нийгмийн эрүүл мэндийн асуудалд анхаарал нийт хүмүүсийн эрүүл мэндтэй хамаатай бүх асуудал орно. Сүүлийн үед агаарын бохирдол манай номер нэг асуудал болоод байна.

Categories
мэдээ цаг-үе

Э.Алдар: Өөрийнхөө амьдралыг баталгаажуулсны дараа л гэр бүл зохионо доо

Маскпродакшны жүжигчин Э.Алдартай ярилцлаа.

Сургуулиа хаана төгсч байв. Багадаа Орост байсан гэдэг байх аа?

-Би зургаан настайдаа Орос яваад 17 настайдаа ирж 108 дугаар сургууль буюу Монгени сургуулийг 2003 онд төгсч байлаа. Сургуулийн маань найзууд намайг анх монголоор их сонин ярьдаг байсан гэдэг юм. Монгол хүн л юм чинь одоо зүгээр л ярьдаг болчихож. Сургуулиа төгсөөд СУИС-д орж 2007 онд төгссөн. Манай ангийнхан одоо “Эмоци продакшн”-ы С.Тэмүүжин, Г.Эзэнмөнх, жүжигчин А.Туяа, Д.Ганцэцэг, Г.Анхбаяр, Б.Алтансүх гээд мэргэжлээрээ ажиллаж байгаа залуус бий.

Жүжигчин мэргэжлийг яагаад сонгов?

-Би багаасаа Орост байсан. Бага байхад Монголоос приставкны видео бичлэг ирдэг байсан. Тэрэн дээр хошин урлагийн тоглолт гардаг байлаа. Тухайн үед “Хошин урлагийн театр” гэж байхад гарсан “Хадлан” жүжгийг анх үзээд ямар гоё юм бэ, Монголд очоод энэ ах, эгч нартай хамт тоглож үзэх юмсан гэж бодсон. Хүүхдийн сэтгэхүйгээр очоод та нартай хамт тоглож болох уу гэж асууна даа гэж боддог байлаа. Гэхдээ би Олон улсын харилцааны мэргэжилтэй, дипломат болно гэж боддог байлаа. Заавал Орос руу буцаж очно гэдэг байсан ч одоо жүжигчин болчихсон явна.

Арван жилд байхад манай сургуулийн урлагийн үзлэг боллоо. Тэр үед “Tv cocktail”-ын Цоомоо ах ирж биднийг бэлдүүлж байсан юм. Цоомоо ах намайг гол дүрд тавьчихсан. Бэлтгэлээ хийж байгаад яг тоглолт дээр Цоомоо ах хөгжим тавих гэсэн техникийн саатал гарчихлаа. Би тайзан дээр яана аа гэж бодож байснаа хүмүүсийг уйдаахгүй байхсан гэж бодоод янз бүрийн юм ярьж байгаад за одоо хөгжмөө тавь гэсэн Цоомоо ах тавьж таарсан. Тэгээд тоглолт үргэлжлээд манай анги нэгдүгээр байрт орсон түүхтэй. Цоомоо ах “Алдараа, миний дүү жүжигчин бол. Чамд авьяас байдаг юм байна” гэж байсан. Тухайн үед нээрээ би жүжигчин болъё гэж бодоод л энэ мэргэжлээ сонгож байлаа.

Ажлын гараа хэзээнээс эхэлж байв. “Boom town” хамтлаг байгуулж байсан байх аа?

-Оюутан байхдаа “Boom town” гэж бүжгийн хамтлаг байгуулсан. Тухайн үедээ л бүх хошин урлагийн продакшны ард бүжиглэнэ. “Өнгөт инээд”, “Х түц”, “Захиалгат инээд” продакшны ах, эгч нарыг хажуунаас нь харж, өөрсдөө тушлагажиж байсан. Дөрөвдүгээр курст орох жил “Маск” продакшны анхны “Монголын нууц товчоо” тоглолтод оролцож байлаа. Жүжигчний дипломоо авсны дараа “Х түц” продакшнд нэг жил ажиллаж байсан. Тэгээд буцаад “Маск” продакшндаа ороод өдийг хүртэл ажиллаж байна.

Одоо бас “Fantastic” продакшнд харьяалагдаад байна уу?

-“Fantastic” продакшнд бас харьяалагдана. “Brotherhoods” нэгдэл гээд найз нөхдөөрөө нийлж нэг продакшны нэр дор уран бүтээл хийж байгаа. Албан ёсоор нэртэй байх ёстой учраас ингээд явж байна.

Энэ продакшны залуус нэгдээд хэд хэдэн кино гаргачихлаа. Зохиолоо яаж бичдэг юм бэ?

-Ямар сэдвээр ямар кино хийх вэ гэдгээ бөөнөөрөө сууж байгаад ярилцдаг. Бүгд жүжигчин мэргэжилтэй хүмүүс учир олон санаа гарна. Дараа нь зохиолоо бичих үед найруулагч бүх хүний хэлсэн санааг тэмдэглээд нүдэндээ харж байгаагаар бичдэг. Гэхдээ олон арга бий л дээ. Сүүлд гарсан “Том толгойтын романс” киног францын зохиолчийн зохиолоос сэдэвлэж хийсэн. Гадаад киноноос хуулсан гээд байдаг. Олон улсад энэ киноны сэдвээр олон кино хийсэн байдаг. Хятад, Герман, Америкт ч бас бий. “Том толгойтын романс” бол түүний зохиолыг уншиж сэдэвлээд Монголын хөрсөн дээр буулгаж хийсэн кино. Хүмүүст их таалагдсан байна лээ.

-“Миний ах атаманкино бас их сонин шийдэлтэй. Мафи гэж хүмүүс мэддэггүй байхад гаргаж ирсэн санагддаг?

-Бид залуучууд учраас юм бүхнийг шинээр сэтгэж хийхийг зорьдог. Байдаг л нэг зүйл хийх нь сонирхолгүй. Бид хэцүү зохиол бичээд хийвэл өөрсдөө хөгжинө гэж боддог. Энэ утгаараа аль болох хэцүү юм руу тэмүүлдэг. “Миний ах атаман” Монголд хэзээ ч байдаггүй мафийг хөрсөндөө яаж авцалдуулах вэ гэж бодож байгаад хийсэн кино. Үзэгчдэд хүрэхгүй байх вий гэсэн эмээлт байсан. Үзэгчдийн хүртээл болгож эхэлснээс хойш хүмүүс сайхан хүлээж авсан. Түүнээс нь урам их авсан даа.

-“Маш нууцкиноны хувьд болсон явдлаас сэдэвлэсэн гэдэг?

-Манай О.Бат-Өлзий ах зохиол гаргасан. Зураг авалтыг өнгөрсөн зун хийсэн ч жилийн өмнөөс “Маш нууц” киноны постер гарч байлаа. О.Бат-Өлзий ах биднийг дуудаад дүр хуваарилж өгөөд дүрээ бодож байгаарай. Цэргүүд ямар байдгийг ажиглаж бай. Ах нь удахгүй кино хийнэ гэж зохиолоо танилцуулж байлаа. Жилийн хугацаанд ярилцаж байгаад өнгөрсөн зун уран бүтээл болгож гаргасан. Түүхэн сайхан сэдэвтэй кино. Гэхдээ энд тэндээс болсон явдал сонсч, түүх уншаад нэгтгэж тэр болгоныг кинондоо шигтгэсэн. Тэр кинон дээр гарсан бүх үйл явдал цэргүүдэд болсон юм шиг хүмүүс бодоод байдаг. Энэ бол уран сайхны хэлбэрээр бүтээгдсэн уран сайхны кино шүү гэж хэлмээр байна.

Танай продакшн эмэгтэй жүжигчин авахгүй юм уу. Драмын театрын Б.Одончимэг л орж байгаа харагддаг?

-Манайхан заавал продакшн гэхээр ийм жүжигчин хүн авна гэдэггүй. Бүгд тус тусынхаа ажлыг хийдэг. Б.Одончимэг маань УДЭТ-д ажиллаж байна. Сарын өмнө төлөвлөгөө гаргаж ийм кино хийнэ гээд цаг заваа тохироод хийдэг. Нэг хүн шинээр аваад л чи манай продакшны жүжигчин, өөр юманд тоглож болохгүй гэх зүйл байхгүй.

Таны анхны дэлгэцийн уран бүтээл юу байв?

-Оюутан байхдаа О.Бат-Өлзий ахын “Хайрыг хайрла” кинонд Б.Тамир бид хоёр орж байсан. Тамир гол дүр, би туслах дүрд тоглосон. “Boom town” хамтлаг маань дууг нь дуулсан байдаг. Анхны уран бүтээлд ороход гоё байсан ч айдас хүрч байсан. Алдаа оноо ч их байлаа. Жүжигчин болгон өөрийгөө хараад энэ хэсэгт ингэдэг байж гээд алдаагаа хараад сурч явдаг. Одоо ч гэсэн би жүжигчний мэргэжлийг сайн эзэмшээгүй л байна. Жүжигчин хүн олон жил суралцаж хүний физологийг мэдэрч байж мэргэжлээ эзэмшинэ. Монгол Улсын ардын жүжигчин Ц.Гантөмөр багш маань “Би одоо болтол жүжигчин мэргэжлийг сураагүй л явж байна. Ямар ч дүр авсан би хичээдэг” гэж хэлж байлаа. Тэр нь яг үнэн юм билээ. Жүжигчин хүн ямар ч зүйлд алдаа гаргаж болно. Тэрнээсээ суралцаж, хүний амьдралыг судалж, хүний бодлыг ойлгож сайн жүжигчин болох байх.

Голдуу ямар дүрд тоглоод байна вэ?

-Ихэнхдээ хоёрдугаар гол дүр дээр ажилласан байна. Удахгүй гол дүрд тоглох байлгүй. Гэхдээ гол дүрд тоглохыг боддоггүй юм. Гол дүрд тоглохоор хийх юмгүй санагддаг. Туслах гол дүрд хийх юм их. Гол дүрээ тодотгож өгнө. Олон хүнтэй харьцдаг. Маш олон хувиралт, олон ухаан гарах ёстой. Гол дүр гэхээр чи ийм залуу байх ёстой гээд гол шугамыг нь гаргачихсан байдаг. Гэхдээ гол дүр авбал яаж хийж байгаад хийнэ л дээ.

Тоглохыг хүсдэг дүр бий юу?

-Оюутан байхдаа их олон дүрд тоглохыг хүсдэг байлаа. Одоо нэг баатрын дүрд тоглочихмоор л байна. Ер нь ямар ч дүрийг амилуулахыг л хүсдэг. Урьд нь байсан дүрээсээ өөр байхыг хичээдэг. Дотоод ертөнцөөрөө өөр байхыг хичээдэг. Алдар гэдэг хүн “Маш нууц”, “Миний ах атаман”, “Аз жаргалын шок” кинонд тоглосон дүрээсээ эрс өөр хүн. Дүр бүрийнхээ харцыг би өөрчлөхийг хүсдэг.

Ингэхэд “Boom town” хамтлаг тарчихсан уу?

-“Boom town” хамтлаг оюутан цагийн залуу насны эрч хүчтэй, өөрсдийгөө таниулах, сорих үе байсан. Жүжигчин болохын тулд юм юмыг хийх ёстой байдаг. Тэр утгаараа бидэнд их туршлага болсон. Хүмүүс манай хамтлагийг тарчихсан, хоорондоо хэрэлдчихсэн байна лээ гэж ойлгоод байгаа. Тийм юм байхгүй. Үнэндээ “Boom town” хамтлаг таръя гээгүй л байна. Бүгд өөр өөрсдийнхөө хүссэн ажлыг л хийгээд явж байгаа. Хаяахан уулзаж ярилцаж сууна. Гэнэт л “Boom town” хамтлаг тоглолтоо хийчих ч юм бил үү.

Цахим ертөнцөд хэр идэвхтэй байдаг вэ. Хүмүүсийн асуултад хариулдаг уу?

-Фэйсбүүкт зураг хийхэд асуулт асуух нь элбэг. Асуултад хариулт өгдөг ч тэр бүр цаг зав бас таарахгүй юм. Харин твиттерт идэвхтэй биш. Цахим ертөнцөд ороход дүүрэн улс төр, нэгнийгээ муулсан постууд байх юм. Заримдаа фэйсбүүк рүү орохоосоо хүртэл эмээх боллоо. Вирус гээд л янз бүрийн зураг явна. Тэнд магадгүй бидний дүү нар орж байгаа. Хааяа фэйсбүүкийн насыг хязгаарлавал зүгээр юм уу гэж боддог. Ерөөсөө эерэг энергитэй юм байхаа больчихсон. Аз жаргалтай гоё мэдээлэл байхаа больчихжээ. Энд ийм гоё юм болж байна гэсэн гэгээлэг мэдээлэл, онигоог уншиж байж бид нийгмийн стрессээсээ сална гэж боддог. Одоо бараг фэйсбүүктээ орохоор стресстдэг болж байна. Тэр 16 настай хүүхдэд улс төр ямар хамаатай юм бэ. Өөрийгөө хөгжүүлээд явахын оронд түүнийг хүмүүст түгээгээд байх юм. Хүн өөрөө юмыг гэрэл гэгээтэй харвал улс хямраад хэцүү байгаа ч хялбархан давж болох байх.

Хошин урлаг, дэлгэцийн урлаг хоёрын аль нь танд илүү ойр вэ?

Миний хувьд хошин урлаг илүү ойр. “Маск” продакшнтай олон жил ажиллалаа. Тайзан дээр гарах ямар гоё байдаг билээ. Олон жил нөхөрлөсөн ах, эгч, найз нөхөдтэйгөө инээлдээд тайзан дээр гарна гэдэг аз жаргал. Тайз, дэлгэцийн уран бүтээл асар өөр. Тайзан дээр тэр олон хүний өмнө нэг хүн тоглох гэж байгаа бол маш том хүлээн авалттай байх ёстой. Кино урлагт бол дотоод мөн чанар чухал. Дүрээ мэдэрч, нарийн зүйлийг гаргах ёстой.

Анх тайзан дээр гарахад ямар байсан бэ?

-Анх тайзан дээр яаж гарснаа ч мэддэггүй юм. Их сонин мэдрэмж. Тоглолт дуусахад хүмүүсийн алга ташилтаас юугаар ч зүйрлэшгүй гоё мэдрэмж авна. Тэр олон хүн инээчихсэн алга ташиж байхад үзэгчдэдээ мэхийн ёслох жүжигчин хүний кайф. Мянган хүн нэгэн зэрэг инээнэ гэдэг үнэхээр сайхан. Тэр мэдрэмжийг мэдрэх сайхан байдаг. Бид нар чинь үзэгчдээсээ л урам авч цаашдын уран бүтээлээ хийдэг.

Гэр бүлээ хэзээ зохиох гэж байна?

-Одоохондоо залуу байна. Болоогүй л гэж бодож байгаа. Цаг нь ирэхээр гэр бүл зохионо. Одоогоор баттайгаар өөрийнхөө амьдралыг босгох хэрэгтэй байна. Залуус маань эрт хүүхэдтэй болж байна. Гэр бүл салалт маш их болж. Хүүхэдтэй ганц бие ээж, аавууд олширчээ. Залуучууд хүнийг таниагүй байхдаа сэтгэлийн хөөрлөөр дурлаад хүүхэдтэй болчих юм. Хүүхдэд буруу өгч болохгүй. Олон жил найзалж бие биенээ таньсан тохиолдолд гэр бүл салахгүй бат бөх байна шүү дээ. Тэгэхээр залуусдаа хандаж хэлэхэд хүнийг сайн танитлаа юманд яарах хэрэггүй. Өөрийнхөө амьдралыг баталгаажуул. Төрүүлж, өсгөсөн аав, ээжийнхээ амьдралыг мөн баталгаажуулах хэрэгтэй. Түүний дараа өөрийнхөө амьдралыг босгоход буруудахгүй.

Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-“Fantastic” продакшны залуус маань хоёрдугаар сарын 13-нд үзэгчдэдээ томоохон бэлэг барих гэж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Ө.Мөнгөнтулга: Дамчаа гуайг чулуугаар нүүлгэж байсан гэдэг, яг тийм зэвүүцэл төрүүлсэн дүр бүтээмээр байна

“Гялбаа”, “Чонын алтан шагай”, “Улаан дөрвөлжин”, “Зоорь”, “Хүүхэлдэй” зэрэг кинонд дүр бүтээсэн жүжигчин Ө.Мөнгөнтулгатай ярилцлаа.

-Дээд сургуульдаа ямар багш нараас номын дуу сонсч байв, кино найруулъя гэж боддог уу?

-Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Ардын жүжигчин Б.Мөнхдорж, Ардын жүжигчин П.Цэрэндагва, СТА жүжигчин С.Чинзориг гэсэн гурван мэргэжлийн багшийн удирдлага дор төгсч байлаа. Би хараахан найруулагч мэргэжил эзэмшээгүй. Ардын жүжигчин Б.Мөнхдорж багш болон олон найруулагчтай хамтран хоёрдугаар найруулагчийн үүрэг гүйцэтгэж байлаа. Тэр утгаараа найруулга хийхийг бага зэрэг оролддог. Гэхдээ өөрийгөө найруулагч гэж хэлэгдэхээр хэмжээний авьяасгүй гэж боддог.

-Сургуулиа төгсөөд нэг хэсэг дуу оруулагчаар ажилласан байх аа?

-Сургуулиа төгсөөд УДЭТ-т нэг жил дагалдан жүжигчнээр ажилласан юм. Тэгээд 2003 онд TV9 телевиз анх байгуулагдахад орчуулгын киноны жүжигчнээр ажиллаж эхэлсэн. Тэр үед СТА Элбэгсайхан, МУГЖ Цэмпэлмаа, МУГЖ Нэргүйбаатар, Равдан, СТА Наранбаатар, СТА Оюун гээд Монголын шилдэг авьяас чадалтай орчуулгын киноны болоод дуу оруулалтын жүжигчидтэй танилцаж, тэднээс анх суралцаж эхэлж байлаа. Орчуулгын киноны жүжигчин мэргэжилдээ дуртай. Одоо хүртэл энэ ажлаа хийгээд явж байна.

-Анхны дэлгэцийн уран бүтээл юу байв?

-2005 онд TV5 телевизийн таван ангит “Гялбаа” нэртэй сэтгэл зүйн кинонд Анар гэдэг залуугийн дүрийг бүтээж байлаа. Түүний дараа нэг хэсэг дэлгэцийн уран бүтээлд ороогүй ч зарим кинонд туслах дүрд тоглосон. Тэгээд 2011 онд анх удаа “Чонын алтан шагай” телевизийн 35 ангитай киноны гол дүрд тоглосон юм. Түүнээс хойш орчуулгын киноны жүжигчнээс гадна дэлгэцийн урлагт хүч сорих болсон.

-Багадаа мөрдөгч, тагнуулч болно гэж мөрөөддөг байсан гэсэн. “Замбуулин дуусах болоогүй” цуврал кинонд мөрдөгчийн дүр бүтээсэн гэж сонслоо. Тэгэхээр тоглосон дүрээрээ мөрөөдлөө биелүүлжээ дээ?

-TV5 телевизээс хийж байгаа 54 ангит кино л доо. Амар гэж мөрдөн байцаагч залуугийн дүр дээр ажиллаад дуусах шатандаа ороод явж байна. Нэг бодлын мөрөөдлөө биелүүлсэн гэж болох юм. Мөрдөн байцаагч мэргэжлийн онцлог юу вэ гэдгийг огт мэддэггүй байлаа. Жүжигчин хүн нэг дүр авахад зайлшгүй судалгаа хийх ёстой. Энэ дүр дээр ажиллахын тулд цагдаад ажилладаг найзуудаасаа зөвлөгөө авч байж орсон шүү.

-Мөрдөгч болохыг хүсдэг байсан хүн яагаад жүжигчин болохоор шийдчихэв?

-Ээжийн минь хүсэл л дээ. Намайг долдугаар ангид байхад автын ослоор нас барсан юм. Ээжийнхээ хүслийг биелүүлмээр санагдаад шалгалт өгөөд тэнцсэн. Жаахан авьяас байсан юм болов уу гэж боддог. “Гарын таван хуруу” киноны Шагдарт тоглодог Лхасүрэн багшийнх манай хажуугийн байранд амьдардаг байлаа. Доржсамбуу найруулагчийнх бас тэнд. Тэр хоёрыг гудамжинд явахаар хүмүүс их хүндэлнэ. Түүнийг нь харчихаад олны танил байх гоё юм аа гэж бахархан боддог байлаа. Багын тэр мэдрэмж ч энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн байх.

-Таныг кино урлагийг хөгжих болоогүй гэж ярьсныг уншиж байсан. Яагаад хөгжихгүй байна гэж, харин ч хөгжөөд байх шиг анзаарагддаг?

-Монголын кино урлаг хөгжихгүй байна гэж гарчигласан байна лээ. Уг нь кино урлаг хөгжиж байгаа, гэхдээ удаашралтай байна гэсэн агуулгатай зүйл ярьсан юм. Шийдвэр гаргах хүрээнийхэн кино урлагийн төлөө бага юм хийж байна л даа. Киноны тухай хууль батлагдана гээд хэлэлцүүлэг явуулаад санал шүүмжлэл сонсох шиг боллоо. Тэр хууль хэний талд батлагдахыг мэдэхгүй байна. Төр засгаас кино хий гэж мөнгө өгч, болсон болоогүй кино хийлгэх эсвэл баталсан төсөл дээр хэн нэг нь хээл хахууль төлж хоорондоо өрсөлдөөд байхдаа гол нь биш. Бэлэн мөнгөний асуудал багахан хэмжээнд байгаад ихэнхдээ гадаад харилцааг сайн хөгжүүлмээр санагддаг. Жишээлбэл жилд 30-40 кино гарч байна. Хамгийн сайн болсон таван киног нь сонгоод бусад улс орнуудад Монголын кино өдөрлөг хийж яагаад болохгүй гэж. Сонгосон кинонуудынхаа гол дүрийн жүжигчин, найруулагч, зохиолчийг авч яваад гадныхантай уулзуулж туршлага солилцуулах хэрэгтэй. Үүнийг хийхэд бүхэл бүтэн кино хийх хэмжээний зардал гарахгүй. Зөвхөн хоёр улсын хоорондын соёлын газрынхны шугамаар гарын үзэг зуралцаад хийж болохоор ажил.

Хоёрт, Монголын уран бүтээлчдийг гадны уран бүтээлд туршлага солилцох маягаар оролцуулах шаардлагатай. Яагаад Анхням, Амарсайхан нар л жүжигчнийхээ хувьд Холливуд руу гарах гүүр болох ёстой юм. Хоёрхон хүн биш төр засаг анхаараад хоёр улсын гадаад харилцааны түвшинд ярилцчих асуудал. Тэгвэл ажил хурдан бүтэж, олон залуус гадны уран бүтээлд оролцоно. Улсын зардлаар сурсан авьяастай үгүй нь ч мэдэгдэхгүй хэн нэгэн яаманд,соёлын газарт ажиллаад байгаа нь үнэн. Киноны ажлын үр шимийг мэддэг, амтыг нь мэдэрчихсэн залуусаа гадагш нь явуулж туршлага солилцуулбал кино урлаг хурдан хөгжинө.

-Хувь уран бүтээлчид гадны кинонд оролцоод эхэлчихсэн гэхээр жүжигчдэд гадны кинонд тоглох санал нэлээд ирээд байх шиг. Ер нь Монголын жүжигчид дэлхийн тавцанд гарахад юу саад болоод байна?

-Гадны уран бүтээлчид манай жүжигчдэд кинонд тоглох санал их тавьдаг. Монголын жүжигчдийг авьяастай гэж үнэлдэг. Хамгийн гол саад нь хэлний бэрхшээл. Саяхан Хятадад Түвдийн тухай 60 ангит кино хийх гэж байна, танилцуулгаа явуулаач гэсэн хүсэлт ирсэн. Би танилцуулгаа явуулсан. Хятадаар өдөр тутмын ярианы хэллэг мэдэх үү гэж асууж байна лээ. Мэдэхгүй гэнгүүт уучлаарай бид өөр жүжигчин хайя гэж байгаа юм. Учир нь намайг тоглуулахын тулд орчуулагч, хөтөч гээд хоёр хүн ажиллуулж, илүү зардал гаргахыг хэн ч хүсэхгүй.

-Монголын жүжигчдийн үнэлэмж зах зээлээсээ хамаараад тийм ч сайн биш. Хөгжил нь удаашраад байгаагийн нэг шалтгаан гэвэл та санал нийлэх үү?

-Санал нийлж байна. Ядаж арван сая хүн амтай байсан бол өнөөдөр урлагийнхан ингэж амьдрахгүй. Өнөөдөр хэн нэг жүжигчин найруулагчтай хамтарч кино хийчихээд тэрийг яаж зах зээлд борлуулах билээ гэж толгойгоо гашилгадаг. Найруулагч хүн зөвхөн киноныхоо найруулгыг л бодоод явах боломж бүрдвэл оюуны бядаа шавхаж, сайн уран бүтээл хийхэд асуудалгүй. Нэг хүн найруулаад эсвэл зургийн дарга хийлээ гэхэд хаа хамаагүй юманд давхар санаа зовж ажиллах хэрэгтэй болдог. Гадны жүжигчид хэзээ ч кинонд ажиллаж байгаа хүмүүсийн хоол унданд санаа зовдоггүй. Тэгэхээр бодлогоо зөв болгочихвол кино урлаг асуудалгүйгээр хөгжих боломжтой.

-Монголд аймшгийн кино тэр бүр хийдэггүй, та “Зоорь”, “Хүүхэлдэй” гээд хоёр аймшгийн киноны гол дүрд тоглосон. Хэр амжилттай болсон гэж боддог вэ?

-“Зоорь”-ийг зохиолч Ц.Ууганбаярын зохиолоос сэдэвлээд “Кино цамхаг” группийн найруулагч Цогт-Эрдэнэ бид хоёр санаачилж хийсэн юм. Аймшгийн кино хийе гэж 2013 оны зун шийдсэн. Хувь студи уран бүтээлчид өөрсдөө мөнгөө гаргаад кино хийж байгаа тохиолдолд тэр бол бараа таваар л гэсэн үг. Киногоо борлуулж байж зардлаа нөхөж, ашиг орлого олох ёстой. Мэдээж монгол киноны зах зээлийн судалгааг хийсэн. “Зоорь” гэдэг өгүүллэгийг олон залуус цахим болон ном хэлбэрээр их уншсан байсан. Кино хийвэл гоё болно, үзнэ гэсэн санал хүсэлт их байсан. Тэр нь мэдээж нөлөөлсөн. Хувиараа мөнгөө гаргаад хийж байгаа учраас бидэнд алдах эрх байхгүй. Кино маань ч амжилттай болсон. Тэр жил Монголд шинээр 38 кино гарсан юм. Аймшгийн кино ч хийгдсэн байсан. СТА жүжигчин С.Болд “Хөлтрөг”, найруулагч, жүжигчин Алтансүх “Үхлийн симфони”, найруулагч Б.Чингүүн “Call” гэх нэртэй кинонууд хийсэн жил л дээ. Манай кино энэ кинонуудаас илүү орлого олж, тэр жил гарсан 38 киноноос ашгаараа гуравдугаарт орсон. Зохиолчийн маань номын захиалга бас өссөн. Ашиг гэхээс илүү “Кино цамхаг” гэдэг студи байгуулсан олзуурхам явдаг болсон шүү.

-Аймшгийн кинонд тоглох бусад кинонд дүр бүтээхээс өөр байдаг уу?

-Ямар ч кинонд тоглосон жүжигчин хүний ерөнхий шугам нэг. Дотоод мэдрэмж нь л өөр. Аймшгийн кинонд яаж айж байгаагаа аль талаас нь илэрхийлбэл үзэгчдийг хөтлөх тал дээр ажиллах ёстой. Бусад төрлөөс ялгаатай нь жүжигчнээс сэтгэл зүйн ачаалал их шаарддаг. Аймшгийн кинон дээр жүжигчин буруу тоглоод буруу айгаад өөрийгөө буруу илэрхийлбэл хүн инээлгэх аюултай талтай. Хамгийн том эрсдэл нь тэр. Худлаа орилохын оронд хоолойгоо хяхтнуулаад ч юм уу тэр киног үзэж байгаа хүмүүст айдас төрүүлэх нь чухал. Худлаа жүжиглээд үзэгч нэг л инээчихвэл цаашаагаа ямар ч аймшгийн юм гарч, айлгаж цочоогоод үзэгчийн сэтгэл зүйг барьж авна гэдэг хэцүү.

-“Хүүхэлдэй” кино өмнөх киноноосоо хэр ялгаатай болсон бэ?

-Хоёр дахь удаагаа яг нэг жилийн дараа буюу 2015 нэгдүгээр сард “Хүүхэлдэй” киногоо нээсэн. Мөн л Ц.Ууганбаярын зохиол. Мэдээж судалгаа хийсэн. Тэр жил аймшгийн кино ерөөсөө хийгдээгүй. “Зоорь”-ийг бодвол хүнд эффект ихтэй зохиолыг зориглож сонгосон. Аймшгийн төрлийн хувьд дорно дахины юм уу барууны гэсэн хоёр төрөлд хувааж үзэж болно. Дорно дахиных гэхээр сэтгэл зүйг барьж хийдэг. Барууных болохоор гадаад байдлаар вампир, захиалгат алуурчин зэргээр хүнийг цочоож айлгадаг. Манайх дорно дахины буюу сүнслэг чанарыг нь барьж хийдэг. Хаалга чихарч онгойх, хөшиг салхинд хийсэх зэргээр хүнийг дотоод сэтгэхүйгээр нь айлгадаг. “Хүүхэлдэй” киног арай баруунлаг маягийг барьж хийсэн. Манай Ууганбаяр өөрөө их чөлөөтэй сэтгэдэг. Тэр кино хэдэн хэсэг аймшигтай үйл явдлыг нэгтгэж хүүхэлдэйн дээр төвлөрүүлсэн. Энэ кино хэмжээ нь ч хамаагүй том болсон. Мөн л үр өгөөжөө өгсөн. “Кино цамхаг” группийнхэн маань том хэмжээтэй кинон дээр ажиллах туршлага хуримтлуулж чадсан.

-Хоёр аймшгийн кинонд тоглосны дараа “Ороолон” гэх аймшгийн киноны найруулагчаар ажилласан байх аа?

-“Ороолон” киног хийхээс өмнө арай өөр төрлийн кинон дээр ажиллах гэж байсан юм. Хувиасаа гаргаад хийхээр төсөвт багтахаар хэмжээний сэдэв биш байсан л даа. Тэгээд ажил болоогүй. Юм хийхгүй удах тусам зэвэрдэг талтай. Хурдхан дараагийн уран бүтээлдээ ороод явахгүй бол нэгд төсөөрнө, хоёрт цугласан баг хамт олны итгэл үнэмшил алга болно. Тиймээс бид “Ороолон” нэртэй уран бүтээл хийлээ. Зураг авалт дуусчихсан. Тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Ерөнхий найруулагч Цогт-Эрдэнэтэй зохиолоо ярилцаад дуусахад надад тохирох дүр байгаагүй. Үзэгчдэдээ зориулж уран бүтээл хийхээс, өөртөө зориулж зохиол худалдан авч бичүүлнэ гэдэг утгагүй. Тиймээс залуусыг оролцуулсан кино хийе гэж шийдсэн. “Кино цамхаг” студи хийж байгаа учраас би ямар нэг үүрэг гүйцэтгэх ёстой. Цогт-Эрдэнэ маань ерөнхий санаагаа бичээд миний хувьд жүжигчидтэйгээ ажиллаад явбал оновчтой гэж шийдсэн. “Ороолон” кино зургаан гол дүртэй. Зургаан залуу шинэ жилийн баяраа хотын захад очиж тэмдэглэхэд тэр байшин ороолонтой, ад зэтгэртэй байж таарна. Ингээд кино үргэлжилнэ дээ.

-Гадаадын зарим кинонд болсон явдлаас сэдэвлэлээ, сүнс хоргодсон бодит байшинд нь хийлээ гэдэг. Танай групп зураг авалт хийх байшингаа яаж сонгосон бэ?

-Түүхэн киног болсон газар нь очиж зураг авах тал ажиглагддаг. Аймшгийн кинонд заавал ад зэтгэртэй байшинд очих шаардлагагүй. Монголчууд чинь их шашинлаг улс. Монголчуудын арван хүний ес нь шашин шүтдэг байх. Тэгэхээр сүнснээс мэдээж айдаг. Хэрэв киноны жүжигчдийн дундаас зураг авалт явж байхад эсвэл дараа нь ямар нэг золгүй явдал тохиолдвол яах вэ. Эсвэл гэр бүлийнхнээс нь золгүй явдал тохиолдвол хүн хамгийн түрүүнд дүр бүтээсэн аймшгийн кинотойгоо холбож ойлгоно. Тиймээс ад зэтгэртэй байшинд очиж зураг авна гэдэг утгагүй зүйл. Үүнийг кино зураг авалтын багийнхан сайн бодох хэрэгтэй. Бид ад зэтгэртэй газар зураг авалтаа хийгээгүй. Гэхдээ кинонд гарч байгаа зүйл сонирхолтой байх ёстой.

-Та “Улаан дөрвөлжин” кинонд чимэг дүрд тоглосон байдаг. Галзуу хүн болох ямар байсан бэ?

-Энэ кино 2012 онд хийгдсэн. “Хамба” студийн найруулагч СТА Б.Ганболд намайг урьж киноны Ням гэх залуугийн дүрд тоглооч гэсэн санал тавьсан. Би их азтай. Б.Ганболд бас л Монголын урдаа барьдаг найруулагчдын нэг. “Улаан дөрвөлжин” кино сүүлийн үеийн кинонууд дунд цөөхөнд тооцогдох том хэмжээний уран бүтээл болж чадсан. Кинонд жар, далаад жүжигчин оролцож, нийтдээ 150 хүн ажилласан байдаг. “Улаан дөрвөлжин” киноны зохиолч Золзаяа, Ганболд найруулагч хоёр надад зохиолоо өгөөд ямар нэг дүр заалгүйгээр унш гэсэн юм. Дараа нь “Аль нь таалагдаж байна” гэж асуусан. Мэдээж Ц.Төмөрбаатар ахын тоглодог эмнэлгийн даргын Даваа гэх дүр миний насных биш. Бусад дүрийнх нь хувьд хамгийн их хийх юмтай, жүжигчний хувьд ажиллагаатай, авьяас, ухаан шаардах дүр нь Ням гэж номын цагаан солиотой залуугийн дүр байсан. Миний дүрээс сүүлд их хасагдсан юм. Номын цагаан солиотой хүн их юм уншсан байх ёстой гэдэг үүднээсээ гурван хуудас шүлгийг нэг дор унших гээд ажиллагааны хувьд кайфтай байсан. Орчуулгын киноны жүжигчин гэдэг утгаараа, уран уншлага сонирхдог маань их хэрэг болсон. Тэр дүрээ дажгүй болсон гэж боддог. Үзэгчид аймшгийн кино гэж ярьдаг юм билээ. “Улаан дөрвөлжин” цэвэр сэтэл зүйн драм. Өнөөгийн нийгмийн амьдрал дээр байгаа салбар салбарын асуудлыг шүүмжилсэн сэтгэлгээний кино. Долоо хоногийн даваагаас ням гариг болоод монгол тооллын долоон дүртэй. Хүний амьдрал долоон өдөрт эргэж байдаг гэдэг утгаар нь дүрүүддээ нэр өгсөн гэдэг юм. Компьютерийн солиотой, урлагийн хэнээтэй, эд мөнгөний туйлшрал гээд ерөнхийдөө манай нийгэм галзуугийн эмнэлэг шиг байна шүү гэдэг санааг гаргасан кино.

-Танд одоо тоглохыг хүсдэг дүр бий юу?

-Намайг ихэнхдээ аймшгийн кинонд тоглодог гээд байдаг юм. Надад л тохиолдож байгаа хувь тавилан шүү дээ. Киноны гол дүрд сайхан залуу тоглох нь элбэг. Судалгаагаар ч сайхан залуу, бүсгүйг тоглуулж байж кино амжилттай болж үзэгчдийн тоо ихэсдэг. Ихэнх киноны гол дүр сайхан залууг сонгодог. Тэр дүрүүд миний бодлоор хийх юм багатай шиг санагддаг. Тэрний оронд тэр гол дүрд саад учруулж, хорлож, ямар нэгэн байдлаар дүрийг хатгаж байгаа, ажиллагаатай, жүжигчний авьяасыг шавхсан хүмүүст сонирхолтой хэлбэрээр хүрдэг дүрүүдэд ажиллахсан гэж боддог. Дамчаа гуайг гудамжаар явахад чулуу шиддэг байсан гэж ярьдаг. Дамчаа гуай шиг эсрэг талаараа хүний сэтгэл санаанд тултал хийсэн нэг тийм дүртэй болохсон гэж хүсдэг. Хүмүүсийн зэвүүг хүргэсэн дүртэй болохыг хүсч байна.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач. Хүүхдэдээ өөрийнхөө мэргэжлийг өвлүүлэх үү?

-Ам бүл тавуулаа. Эхнэр маань “Сарнайх” гоёлын студид ажилладаг С.Цэвэлмаа гэдэг бүсгүй бий. Саргуун, Тэмүүлэн, Соёмбо гэдэг гурван хүүтэй. Том хүү маань “Тэмүүжин өрлөг” сургуульд энэ жилээс суралцаж байгаа. Нөгөө хоёр маань сургууль, цэцэрлэгтээ явна. Том маань жаахан байхдаа жүжигчин болно гэж ярьдаг байсан. “Чонын алтан шагай”, “Нар гарнаа аз жаргал минь” кинонд бас тоглоод авсан шүү. Гэхдээ одоо тэгж ярихаа больсон байна. Өөрсдөө л сонгох байлгүй. Ажиглаад байхад дунд хүү маань нөгөө хоёроо бодвол урлагийн мэдрэмж сайтай. Дүр төрх нь ч гэсэн жүжигчин байхаар харагддаг. Гадаад байдлаараа ч, сэтгэж байгаа байдлаараа ч сайн жүжигчин болох шинжтэй харагдаад байдаг юм, болох ч байх. Зүгээр нэг жүжигчний диплом авах амархан. Жилд хэдэн жүжигчин төгсөөд хэд нь мэргэжлээрээ ажилладаг билээ. Нэг бодлын амархан юм шиг харагддаг боловч хэцүү мэргэжил. Их тэвчээр, тэсвэр шаардана. Тоондоо муу, оюун ухааны бядгүй хүн орчихдог анги юм шиг хандлага байдаг. Дүрсгүй хүн болгон жүжигчин болохгүй. Ер нь юм, юм шавхдаг мэргэжил шүү.

Categories
мэдээ цаг-үе

Б.Батчимэг: Эцэг эхчүүд хүүхдэдээ хичээлээ сайн хийвэл компьютер тоглуулна гэж урамшуулдаг нь буруу

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захиалга сургалтын албаны эмчийн сургалт хариуцсан арга зүйч Б.Батчимэгтэй ярилцлаа.

Сургуулийн эмч нарт зориулсан сургалт зохион байгуулж байгаа юм байна. Сургалтын гол онцлог юу вэ?

-Энэ сургалт тав болон 10 жил ажиллаж байгаа эмч нар хоорондоо туршлага солилцож байгаагаараа өмнөх сургалтуудаас онцлог. Архи, тамхи, мансууруулах бодис, компьютерт донтохоос хүүхдийг хэрхэн сэргийлэх вэ гэсэн агуулга нь таван жил ажиллаж байгаа эмч нарт орсон. Арван жил ажиллаж байгаа эмч нарт нөхөн үржихүйн эрүүл мэнд, аюулгүйн ажиллагааны дүрмийг оруулсан. Тогтвортой хөгжил эмч нарын хувьд чухал ойлголт. Агаарын бохирдол, хөрсний бохирдол, анги танхимын эрүүл ахуй нь яах аргагүй эмч нартай холбоотой учраас сургалтыг зохион байгуулж байна.

Сургуулийн эмч нар юу хийх ёстой вэ. Хүүхдүүдэд вакцин хийж чаддаг байх ёстой юу?

-Эмчийн ажлын үүрэгт вакцинжуулах, бие бялдрын үзүүлэлтийг оношлох болон дархлаажуулалт ордог. Эмч нар хүүхдийн бие бялдрын хөгжлийн түвшинг хүч, уян хатан байдал хурд, хөдөлгөөн, тэнцвэрийг тогтоох тестүүдээр авдаг. Харин дархлаажуулалтад нь вакцинууд орно. Цэцэрлэгт байхаас заасан насанд нь вакцин хийлгэх ёстой. Вакциныг зөвхөн хороон дээр очиж эмчээр хийлгэдэг. Цэцэрлэг, сургуулийн эмч нар судалгаа, хяналтыг нь хариуцдаг юм. Сургуульд байхад нь нэгдсэн журмаар ангиар нь вакцин хийх тохиолдолд хорооноос вакцин хийдэг эмч авчирч, сургуулийн эмчийн хяналтад тарина. Сургуулийн эмч хэдэн настай хүүхдэд хийх вэ гэдгийг судалгаагаар гаргачихсан байдаг. Эмч, багш гэдэг бол олон хүнтэй харилцаж ажилладаг мэргэжил. Эрүүл ахуйч эмч, өрхийн эмч, өсвөр үеийн эмч, НЭМГ-ын эмч нартай хамтарч ажиллах статустай байдаг.

Компьютерт донтсон хүүхдүүдэд ямар шинж тэмдэг илэрдэг юм бол. Тийм хүүхэдтэй яаж харьцах ёстой вэ?

-Эцэг эхчүүд маань хүүхэдтэйгээ буруу харьцдаг. Үүний жишээ гэвэл хичээлээ сайн хийвэл компьютер тоглуулна эсвэл онц сурвал компьютер авч өгнө шүү гэдэг. Ер нь нэг, хоёр, гуравдугаар ангийн хүүхэд долоо хоногт 45 минутаас илүү компьютер дээр сууж болохгүй. Дөрөв, тав, зургадугаар ангийн хүүхдүүд өдөрт нэг цагаас хэтрэхгүй байх хэрэгтэй. Долоо, найм, есдүгээр ангийн хүүхдүүд долоо хоногт хоёр цаг 30 миниут, өдөрт нэг цагаас хэтрэхгүй байх. Арав, арваннэгдүгээр ангийн хүүхэд долоо хоногт долоон цаг компьютер ашиглаж болно.

Компьютерт донтсон хүүхдийн шинж тэмдэг нь хүн дуудахад сонсохгүй, гэр бүл найз нөхдөө үл хайхрах, хааяа ухаан алдах, нүдэнд нь хий юм харагдах гэх мэтээр илэрдэг. Бие организмын хувьд нүд аргаж хуурайших, толгой нуруу өвдөх, хоолонд дургүй болох, эрүүл мэндээ анхаарахгүй байх, гар хуруу нь салгалж чичрэх зэргээр шинж тэмдэг илэрдэг юм.

Энэ байдлаас яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Хүүхдүүдтэйгээ ярилцах хэрэгтэй. Хүүхэдтэйгээ ажилладаггүй эцэг эхчүүд л ийм байдалд хүрдэг. Мөн хэт урамшуулж, давруулах нь маш буруу. Сургуульд ажиллаж байгаа нийгмийн ажилтан, эмч, багш болон эцэг эхийн оролцоо маш чухал. Хүүхэд чинь хэт донтсон байвал нийгмийн эрүүл мэндийн сэтгэц судлалын эмч нарт хандах хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдэдээ зурагт олон цагаар үзүүлэх хэрэггүй. Бага насны хүүхдэд зориулагдсан нэвтрүүлгийг л үзүүлэх хэрэгтэй. Ингээд хэвшчихсэн хүүхэд яг л цагтаа үзэх ёстой юмаа үзээд л зурагтаа унтраадаг болно. Хүүхдийг донтуулах бас нэг хэрэгсэл бол гар утас. Хичээл дээр утас тоглуулахгүй байхыг сургуулиуд хориглосон байдаг ч хичээлээс гадуур байнга утастай байдаг. Утсаа дэрлэж унтсанаас болоод чих нь сонсохоо больчихчсон, утсаараа тоглосноос, залгуураа зөв салгаагүйгээс болоод өөрийгөө гэмтээж байгаа толхиолдлууд байна. Утсаа биендээ хэт ойрхон байлгаснаар долгионы урсгал гэж ийм хортой зүйл байдаг гээд зөвлөгөө өгч, зөв бурууг нь ялгаж хэлэхэд хүүхэд дорхноо ойлгодог. Эцэг эхчүүд хүүхдээсээ гар утсыг холдуулахдаа энгийн аргуудыг ашиглах нь зөв. Гар утасны оронд сонирхолтой ном авч өгөх хэрэгтэй. Эсвэл гэр бүлээрээ зугаалганд явж, сонирхлыг нь өөр тийш нь татах хэрэгтэй. Энэ талаар ЕБС-ийн сурагчдад маш сайн сургалт хйиж байгаа, эцэг эхчүүд ч мөн ойлгож байгаа байх. Эмч нар сурталчилгаагаа сайн хийж, эцэг эхчүүдэд зөвлөж, туслах ажлаа идэвхтэй хийх ёстой.

Ахлах ангийнханд арай өөр сургалттай байх уу?

-Ер нь өсвөр үе нөхөн үржихүйн сургалт чухал байр суурийг эзэлж байгаа. Үүнд амьдрах ухааны хичээл орж ирсэн. Үүнийг яаж явуулах аргачлал нь их чухал. Жишээ нь эмчтэй уулзалт зохион байгуулах, өсвөр үеийн хүүхэдтэй хамтарч ажиллаад энэ талаар жүжигчилсэн тоглолт үзүүлж, ярилцах хэрэгтэй. Өсвөр үеийнхний дунд үе тэнгийнхний сургагч бэлтгэдэг. Энэ сургагч хүүхдийг сургууль болгон дээр эмч нар өөрсдөө сургаж байгаа. Сүүлийн үед Монголд амиа хорлолт их байна. Үүний шалтгаан үерхэл нөхөрлөл, бэлгийн дарамт, амьдралын нөхцөлөөс болдог. Сурагчдын дунд судалгаа хийхэд найман настай хүүхдүүдийн найман хувь нь тамхи татах сонирхолтой гэж хариулсан. 10-11 настай хүүхэд болон 12-13 настай хүүхдүүдийн 20 хувь нь тамхи татаж үзсэн гэдэг. Харин 16-аас дээш насны хүүхдүүдийг 33 хувь нь ямар нэгэн байдлаар тамхи татдаг гэсэн судалгаа гарсан.

Сургагч хүүхдүүд маань бэлгийн хавьтлаас сэргийлэх, өөрийгөө хэрхэн хамгаалж, үгүй гэж хэлж сурах гэх мэт зүйлээс үе тэнгийнхэндээ ойлголт өгдөг байх хэрэгтэй. Эмч нар энэ тал дээр маш сайн ажил зохион байгуулдаг. БЗХӨ ахлах ангийн сурагчдын дунд ихэсч байна. Тиймээс жилд нэг удаа эмчээр дамжуулан охидын үзлэгт хамруулдаг.

Энэ сургалтуудаас гадна хүүхэд гэнэтийн шоконд ороход эмч нар бэлэн байх ёстой байх?

-Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах гэсэн хичээлүүд явагдаж байгаа. Жишээлбэл цэцэрлэгийн насны хүүхэд цамцныхаа товчийг амандаа хийж байгаад хахсан үед анхны тусламж яаж үзүүлэх зэргийг зааварладаг. Мөн аваар ослын аюулгүй байдал, шатны аюулгүй байдал, усны аюулгүй байдал, анги танхимын ариун цэвэр, замын гэрлэн дохиог хэрхэн ойлгуулах, биеэ хэрхэн авч явах талаар хичээл заадаг.

Categories
мэдээ цаг-үе

А.Энхтулга: Манай хамтлагийг 20-40 насныхан сонсдог

“The Lemons” хамтлагийн соло гитарчин А.Энхтулгатай ярилцлаа.

Танай хамтлаг дуугаа ямар төрөл жанраар туурвидаг вэ?

-Ер нь “Indefendent” рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг.

Дууныхаа үгийг өөрсдөө бичдэг үү. Юунаас сэдэвлэж бичдэг вэ?

-Дууны үгийг манай дуучин Одноо бид хоёр бичдэг. Зүгээр л өдөр тутмын амьдралыг энгийнээр илэрхийлдэг. Аяыг нь ч бас өөрсдөө зохионо.

Хамтлагийн анхны цомгоо хэзээ гаргаж байв?

-Анхны цомог маань 2006 онд гарсан. “Хайртай”, “Цэнхэр нүд”, “Харах дуртай”, “Элэг бөөр” гэх мэт дуунуудтай. Тэр оныхоо шилдэг цомог гээд бүх сэтгүүлд гарч байлаа. 2007 онд “Пентатоник” наадмаас гурван шагнал авч байсан. Одоо ч бас хүмүүс тэр цомгийг маань хамгийн шилдэг гэж ярьдаг юм билээ. Тэрнээс хойш гурван цомог гаргасан байна. Бүгд “Indefendent” рок урсгалаар гаргасан дуунуудтай. Сүүлийн цомог маань “Гурав” гэсэн нэртэй. Гурав дахь цомог маань учраас тэгж нэрлэсэн юм. Цомгон дээрээ гурвалжин дүрс тавихыг хүсч байсан хүслээ биелүүлсэн дээ. Их сайн болсон гэж бодож байгаа.

Хоёр дахь болон гурав дахь цомгуудын ялгаа юу вэ?

-Хоёр дахь цомог маань задгай, хайнга дуунуудтай. Санаа нь бол өнөөгийн амьдралын нууц зүйлийг харуулах гэж зорьсон. Харин шинэ цомог маань хайрын тухай л даа. Хүмүүс хэлэхдээ арай буурьтай, суурьтай болсон гэж байсан. Амьдрал ийм байдаг гэдгийг л харуулсан. Өмнөх цомгуудаасаа өөр дуугаралтууд оруулснаараа онцлог. Үг, аялгуу нь уянгын юм шиг мөртлөө бүжиглэж болохоор хэмнэлтэй хийсэн.

Өнгөрсөн оны аравдугаар сард хамтлагийнхаа 11 жилийн ойг тэмдэглэж тоглолт хийсэн байх аа?

-“Crocus event hall”-д “The Lemons III” цомог болон хамтлагийн 11 жилийн ойн арга хэмжээг нийлүүлж тоглолт хийсэн байгаа. Энэ цомгоо удахгүй DVD болгож гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Танай цомгууд борлуулалтаар хэр байдаг вэ?

-Борлуулалт их сайн байдаг. Зун жагсаалтаар гурав дахь цомгоороо сүүлийн хоёр сар нэгдүгээр байрт орсон. Хүмүүс энэ цомгийг маань дөрөв, таван жил хүлээсэн учраас сүүлийн цомог маань их сайн болсон. Сүүлийн цомог яагаад их хүлээгдсэн гэхээр аяа бид аль эрт зохиочихоод үгээ зохиох гэж удсан юм. Хоёр цомог гаргасны дараа бидний стиль тогтсон юм шиг санагддаг. Бид дууны үгэн дээр дуучин Одноогоо яаруулахгүй хүлээвэл сэтгэлээсээ их гоё бичдэг л дээ.

Танай хамтлагийнхан бүгд мэргэжлийн хүмүүс үү?

-Д.Анар Хөгжим бүжгийн Үлээвэр хөгжмийн ангийг төгссөн. Би түүх угсаатан судлал, худалдаа маркетингийн менежер. Соло гитараа сонирхлоороо сурч байлаа. Одноо, Өөжгий ч бас сонирхлоороо сурсан. Би 1997 онд долдугаар ангид байхдаа нэг сар хүнээр гитар тоглохыг заалгаад л анх Нирванагийн unplugged-ийг тоглож сурсан юм. Тэрнээс хойш бэлтгэл хийж байсангүй. Би өөрийгөө Монголын муу гитарчин гэж боддог юм. Зарим дууныхаа аяыг гитарынхаа ганцхан барилтаар дараад явчих үе ч байдаг. Энэ нь сүүлдээ миний стиль болоод байна. Ер нь рок хөгжмийг мэргэжлийн хүмүүс хийдэггүй. Энгийн хүмүүс л рок хөгжимд орсон байдаг. Сонгодог мэргэжлийн хүмүүс дүрэмд баригдаад өөрийгөө өөрчилж чаддаггүй юм.

Та хамтлагтаа уран бүтээл хийхээс гадна мэргэжлээрээ ажилладаг гэсэн байх аа?

-“Gandan life house”-ийн маркетингийн менежер хийдэг.

Танай хамтлагийнЦэнхэр нүд”, “Мэлхий гүнжгэсэн дуунууд хэрхэн бүтсэн бэ. The Lemons гэхээр эдгээр дуунууд сэтгэлд буудаг?

-“Мэлхий гүнж”-ийн аяыг Д.Анар хийсэн. Хоолойны аяыг Одноо. Үгийг нь манай найз Одноотой хамтарч бичсэн. “Мэлхий гүнж” бол манай хамтлагийн стиль шингэсэн анхны дуу. Тухайн үед дэлхийд моодонд орж байсан стиль л дээ. “Цэнхэр нүд” дууны үгийг “Гоодаль” сэтгүүлийн Энх-Амгалан эгч бичиж, аяыг бид өөрсдөө зохиож байлаа.

Хүмүүс ямар дууг чинь илүү сонирхдог вэ?

-Клиптэй дуу хүнд их хүрдэг юм шиг байна лээ. Хараад байхад “Хүсэл” гээд дууг youtube дээр хамгийн их үзсэн байсан. Тэр дуунд рок сонсдоггүй хүн ч дуртай юм шиг санагддаг. Электро парти, рок тоглолт дээр очоод дуулсан ч мэдэж байдаг. Метал рокууд дээр очоод дуулсан ч бүгд дагаад дуулах жишээтэй байдаг шүү. Хуучны дуунуудаас гэвэл “Мэлхий гүнж”, “Цаг агаар”, “Хайртай” гэх дуунуудыг хүмүүс илүү сонсдог юм билээ. Хамгийн сүүлд харж байхад манай “Сүүлийн уянга” дуу маань онлайнаар хамгийн их татаж сонссон дуугаар шалгарсан харагдсан.

Танай хамтлагийг анх хүмүүс яаж хүлээж авч байсан бэ?

-Хамтлаг маань гарч ирэх үед хүмүүс рок гэхээр л урт үстэй, гинж, савхи өмссөн хүмүүс гэж ойлгодог байсан даа. Рок гэхээр л гитарын ур чадвартай үзүүлбэртэй байхаар төсөөлнө. Энэ үед бид хүмүүсийн төсөөлдгөөс өөрөөр, энгийн хувцастай гарч ирсэн. Би ямар ч хүний тоглож чадахаар гурван гитарын барилтанд дуу нийлүүлдэг байлаа. Бүр болж өгвөл ганц барилтаар дуу хийхийг зорьж байсан. Тухайн үед залуус “Сonverse” кетийг мэддэггүй пүүз сонирхдог байхад манай хамтлаг “Мэлхий гүнж” дууны клипэндээ бүгд жигдэрч өмссөн юм. Манай тэр клипнээс хойш “Сonverse” кетийг залуус өмсдөг болсон. Бидний стиль энгийн, байгаа хувцастайгаа гарч тоглоход оршдог байлаа.

Танай хамтлагийн дууг хэдэн насны хүмүүс сонсдог вэ. Судалгаа хийж үзэж байсан уу?

-Биднийг хамтлагаа байгуулаад анх гарч ирж байхад арван жилийнхэн болоод 20-30 насныхан илүү сонсдог байсан. Одоо 11 жил өнгөрчихлөө шүү дээ. Анх сонсдог байсан 20, 30 насны хүмүүс маань 30, 40 гарчихлаа. Тэд одоог болтол сонсч байгаа. Дээрээс нь залуус нэмэгдэж сонсдог болсон. Энэ байдлаас харахад 20-40 насныхан манай хамтлагийн дууг сонсдог гэж болно.

Өнгөрсөн онд гадаадад очиж тоглолт хийж байсан. Хүмүүс яаж хүлээж авдаг байв. Олон хүн үздэг үү. Энэ жил дахиад гадаад руу явах уу?

-Бидэнд гадаадад байгаа монголчууд хүсэлт ирүүлдэг юм. Түүний дагуу хамтлагийн төлөвлөгөөт ажлаа харж байгаад өнгөрсөн жил гадаадад байгаа монголчуудад зориулж тоглолт хийсэн. Сүүлийн хоёр, гурван жил Америк, Европоор явсан. Ихэнхдээ оюутнуудтай хотод очиж тоглоно. Нэг тоглолтыг 200-300 орчим хүн үзнэ гэдэг бас их тоо шүү. Гадаадад тэгж бөөнөөрөө цуглах тохиолдол ховор. Энэ жил Орос, Австрали, Солонгос, Өвөр Монголоос ирж тоглолт хийгээч гэсэн хүсэлт ирүүлээд байгаа. Ирэх гуравдугаар сард “Unplugged” тоглолт хийснийхээ дараа гадаад руу тоглолтоор явах байх.

Танай хамтлагийнСүүлийн уянгадуу шагнал авсан байсан. Чухам ямар шагнал авсан юм бэ?

-Энэ шинэ жилийн баяраар манай хамтлагийн дуунууд онлайнаар таталт сайн байгаа номинацийг тэргүүлсэн. Мөн “Сүүлийн уянга” дуу маань онлайн таталтаар хоёрт орсон байна. Мөн хамгийн шилдэг цомог, шилдэг тоглолт хийсэн хамтлагаар тодорсон. Өнгөрсөн онд манай хамтлаг амжилт бүтээл дүүрэн байлаа.

Энэ онд ямар ажил хийх төлөвлөгөөтэй байна?

-Ирэх гуравдугаар сард “Unplugged” тоглолт хийнэ. Гаргасан гурван цомгоосоо дөрөв, дөрвөн дуу сонгоод нийт 12 дуутай тоглолт хийх бодолтой байна. Мөн энэ жилд багтаж дөрөв дэх цомгоо гаргана.

Шинэ гаргах цомгоо панк рок урсгалаар гаргана гэж ярьж байсан?

-Энэ удаагийнхаа цомгийг электро чиглэлээр гаргах байх. Цомгийнхоо ажилд орчихсон явж байна. Үг, аян дээрээ ажиллаад эхэлчихсэн.

Categories
мэдээ цаг-үе

​Тулай өвчин хүндэрвэл бөөрний дутагдал үүсэх аюултай

Тулай буюу подагра англиар gout өвчин гэдэг нь шээсний хүчлийн давс талсжин хөлийн үенд хуримтлагддаг ясны үений өвчин юм. Эртний түүх шастирт хаадын өвчин гэгддэг байсан тулай өвчнөөр 1000 хүн тутмын гурав нь өвчилдөг байсан гэсэн судалгаа тооцоо байдаг ч сүүлийн үед маш их газар авч байгаа өвчин юм. Тухайн өвчнөөр 40-өөс дээш насны эрчүүд зонхилон өвчилдөг байна. Энэ өвчнөөр эрчүүд эмэгтэйчүүдээс 20 дахин илүү өвчилдөг, учир нь эмэгтэйчүүдийн эстроген гормоны ялгаралт нь шээсний хүчил бууруулдаг байх магадлалтай гэж үздэг байна. Энэ нь мөн настайчуудад элбэг тохиолддог бодисын солилцооны өвчин бөгөөд цусанд шээсний хүчил ихсэн үе мөчинд ихээр хуримтлагдаж, мойногтох өвчнийг үүсгэдэг. Тулай биеийн хуруу, сарвуу, тохой, өвдөг, шагай, тавхайн үенүүд болон ихэвчлэн хөлийн хурууны үеүдийг гэмтээдэг байна.

Тулайн эхний үед голдуу доод мөчний үе гэмтэх ба дээд мөчний үе гэмтэх нь ховор байдаг. Анхдагч тулайн сэдрэлийн үед хөлийн эрхий хурууны нэгдүгээр үе гэмтэх магадлал 50 хувь байдаг. Үүний дараагаар тавхай, шагай, өвдөг, бугуй сарвуу, тохойн үе гэмтэнэ.

Тулай өвчин дахихад архи, пиво, спиртийн төрлийн зүйлс, кимчи, халуун ногоотой хоол унд, гэдэс цувдай, түүний цус, царцаамаг онцгой нөлөөлдөг бөгөөд хэт ядрах, бариу гуталтай удаан явахад ч өвчин үүсэхэд шууд нөлөөлдөг байна. Мөн биеийн хүчний ачаалал, гэмтэл, мэс ажилбар хийлгэх, цус алдах, бие махбодын янз бүрийн хурц эмгэгүүд, ялангуяа халдварт өвчнүүд, зарим төрлийн эмийн бодис хэрэглэх, туяа эмчилгээ мөн нөлөөлдөг байна.

Өвчний үед архи, пиво уухыг эрс хориглоно. Энэхүү өвчинд оносон тохирох эм бэлдмэл тун ховор бөгөөд хэрэглэж болох хоол хүнс, хориглох зүйл, дэглэмийг ягштал баримталбал л дахин өвдөхгүй байх магадлалтай.

Өвчний эмчилгээг сайн хийгээгүй үед бөөр, зүрх, судас, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хямруулах муу талтай учир эмчилгээг сайтар хийж урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Тулай өвчин хүнийг 1000 зүүгээр зэрэг хатгаж байгаа мэт зовоодог шаналгаатай өвчин гэнэ. Зүүгээр хатгаж буй мэт өвтгөж буй зүйл нь цусан дахь шээсний хүчил, натритай нэгдэн талстжиж хөл, гарын үеийг өвчлүүлдэг. Уг өвчний сэдрэл гэнэт, шөнө эсвэл өглөө эрт, үе мөч маш хурдан хавагнаж бэлцийж улайн, өвдөж тухайн үе орчимд хүрэхийн аргагүй өвчин орж халуун болдог. Заримдаа үений ойролцоо улайж мөн хавагнасан суурин дээр целлюлит үүсдэг. Үүнийг тулайн целлюлит гэж нэрлэдэг байна. Ховор тохиолдолд тулайн хурц дахилт үенээс гаднах хэлбэрээр илэрдэг. Энэ нь бурситууд, ахиллын шөрмөсний үрэвсэл байдлаар явагдана. Өвчний эрт үед хурц сэдрэл 3-10 хоног үргэлжилдэг аж. Үрэвсэл намдсаны дараа гэмтсэн үений ойролцоох арьс гууждаг юм байна. Тулайн дахилтууд цаашид улам олширч, өвчлөх хугацаа нь уртасч, хэд хэдэн үеийг хамрах янзтай болж ирдэг. Стресст орсон хүнийг тэр өдөрт нь шинжлэхэд шээсний хүчил нь нэмэгдсэн байдаг хэмээн эмч нар ярьж байна. Тулай нь ихэвчлэн хэт таргалалт, архи, пивоны буруу хэрэглээнээс үүсдэг байна. Энэ өвчин артерийн даралт ихсэх, судасны хатуурал зэрэг өвчнүүдтэй хавсарч өвддөг байна. Иймээс тулай өвчин эхэлж байгаа үед цусны болон шээсний ерөнхий шинжилгээ, хоногийн шээсэнд шээсний хүчил, креатинин тодорхойлох зэрэг шинжилгээнүүдийг яаралтай хийлгэн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.

Тулайн үений үрэвсэл дөрвөн үе шатаар явагддаг байна

•Шинж тэмдэггүй гиперурикеми. Ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, цусны сийвэнд шээсний хүчил ихэссэн байна.

•Тулайн хурц артрит.

•Дахилт хоорондын үе. Тулайн сэдрэл хоорондын үе

•Архаг тофуст тулай. Уратын давс арьсан доор, үений уут, ясны мөгөөрсөн хэсэгт хуралдана.

Оношлогоо

Бөөрний үйл ажиллагааны шинжилгээ өгөхөд шээсний хүчил ихэссэн байна.

Үений шингэнд шээсний хүчлийн талст илэрнэ.

Рентген зураг авахад ясны булуу хэсэгт бөөрөнхий, хагас бөөрөнхий хэлбэрийн сүүдрүүд үзэгдэнэ. Ясны хэлбэр алдагдан, сийрэгжиж гэмтсэн байдаг.

Цаашид гарах эрсдэл

Хэрэв тулайг эмчлэхгүй, хоолны дэглэм сахихгүй бол хурцдах үе нь үргэлжлэх ба цаашид бөөрний чулуу үүсэх, бөөрний дутагдал үүсэх аюултай.

Өвчний шалтгаан

-Хооллолтын хямралаас болдог байна. Үүнд, дотор мах, дотор махны шөл, хэт их өөх тостой хонь адууны мах, халуун ногоо, сонгино сармис хэтрүүлэн хэрэглэх.

-Наранд халах

-Хөлөрсний дараа салхинд цохиулах, халуун хүйтэн харших

-Бэртэж гэмтэх

-Удаан алхах, гүйх, бариу гутал өмсөх

-Шээс хөөх болон зарим эмийн бодисыг хэтрүүлэн хэрэглэх

-Шижин өвчнөөр өвдөх

-Удамшлын урьдчилсан хүчин зүйл

-Артерийн даралт ихсэх өвчин

Шинж тэмдэг

-Өвчний эхэн үед хөлийн үе хавдаж, улайдаг байна. Хавдар дээр дарж үзэхэд халуун төөнөдөг аж. Мөн хавдар дээр нь хөх толбо гарна.

-Үе мөч өвдөж, загатнадаг. .Ялангуяа хөлийн эрхий хуруу хавдаж улайдаг байна.

-Хөлийн үе мөчөөр хүчтэй өвдөнө. Өвдөлт нь шөнө намжих ч үүрээр ихэсдэг аж. Энэ үед хөлний үенд хүрэх, шүргэх, доргих төдийд өвдөлт нэмэгддэг байна.

-Өвдөлтийн үед хөдөлгөөн эрс хязгаарлагдана.

-Шээс нь өтгөн шар өнгөтэй, эхүүн үнэртэй байх аж.

-Хэл улаан өнгөтэй байх ба зузаан шар өнгөр тогтдог байна.

-Өвчин сэдрэлтийн үедээ голдуу хөлийн эрхий хурууны үеэр өвдөх бөгөөд хавдаж улайн, арьс нь гуужна. Энэ шинжүүд илрээд удвал өвчтөн хэвтэрт орж хөдөлж чадахгүй болдог аж. Энэ үед орны цагаан хэрэглэлд хүрэх, шүргэх төдийд өвдөлт эрс мэдэгддэг байна.

Өвчнөөс яаж сэргийлэх вэ

-Тулай өвчний үед шингэний хэрэглээ хангалттай байх ёстой. Яг энэ үед 3-4 литр ус уух хэрэгтэй. Удаан хугацаанд хадгалах боломж олгодог консервлогч агуулсан ундаа, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх. Харин шүлтлэг рашаан, компот, цай, байхуу цай ууж болно. Үүнтэй зэрэгцэн давсны хэрэглээг эрс багасгах ёстой.

-Тулай өвчний үед хоолны дэглэмийг сахихтай зэрэгцэн өдөр өнжөөд дан сүү, ногоо, алим, лууван зэргийг хэрэглэж, мах болон хүнд хоолыг хязгаарлах ёстой. Энэ өвчний үед хоолны дэглэм барих нь хамгийн чухал зүйлүүдийн нэг байдаг аж.

Өвчний үед хэрэглэж болох хүнсний бүтээгдэхүүн

-Ногооны шөл, төмсний шөл

-Тахиа, туулайн мах

-Наймаалж, сам хорхой

-Өөх тослог багатай загасыг 160-170 гр-аар долоо хоногт гурван удаа

-Сүүн бүтээгдэхүүн, аарц, монгол бяслаг

-Өндөг, долоо хоногт гурван ширхгээс хэтрэхгүй. Ямар ч аргаар боловсруулсан байж болно.

-Гурил, гоймон тохируулж хэрэглэх

-Байцаа, лууван, өргөст хэмх,

– Үзэм, мандаринаас бусад хатаасан жимс, зөгийн бал

-Хуш модны самар, наран цэцгийн үр

– Шоколадны орцгүй чихэр, жимсний чанамал, мармелад, пастил, зефир

-Ногоон цай, нимбэгний цай, чацарганын ханд, жимсний шинэ шахсан шүүс, цангис, алирсын шүүс

– Өргөст хэмхийн шүүсийг өдөрт нэг аягыг уух, эрдэсжилт багатай, шүлтлэг рашаан уух зэрэг нь цусан дахь пурины хэмжээг бууруулна.

-Ногоон өнгөтэй алим, апельсин. Тарвас, бөөрөлзгөнө, мандарин, усан үзэмнээс бусад бүх жимс

-Хар талх, цагаан талх

-Оливын тос, цөцгийн тос

Огт хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүн

– Бага залуу малын мах, өтгөн царцаамаг маягийн шөл гаргадаг толгой, шийр гэх мэт

-Махны шөлөн дээр хийсэн сүмс, царцаамаг (истужин)

– Бэлэн хоол, бэлэн хоолны амтлагч орсон шөл, консерв

-Утсан мах

-Дотор мах, цувдай, тэдгээрээр хийсэн хоол

-Тослог ихтэй загасыг өвчин хурцадсан үед хориглоно. Давсалсан загас, шарсан загас, загасны консерв, загасны түрс

-Давсалсан, амталсан бяслаг буюу европ бяслаг (сийр)

-Халуун ногоо (лаврын навч, давсыг хэрэглэж болно)

-Мэдрэлийн системийг өдөөдөг өтгөн байхуу, өтгөн хар цай, кофе, какао

-Амьтны гаралтай өөх тос

– Гахайн мах, гахайн махан бүтээгдэхүүн

– Кремтэй торт, шоколад

-Консервант агуулсан бүх төрлийн бүтээгдэхүүн, өөрөөр хэлбэл удаан хугацаанд хадгалах горимтой үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс, консерв гэх мэт.

-Шошийн төрлийн бүтээгдэхүүн. Үүнд шош, вандуй, дүфү гэх мэт

-Усан үзэм, бөөрөлзгөнө, инжир, усан үзмээр хийсэн бүх төрлийн дарс, үзэм

-Согтууруулах ундаа

Бага хэмжээгээр хэрэглэж болох хүнсний бүтээгдэхүүн

-Чанаж болгосон мах, чанаж болгосон загасны мах. Ингэхдээ тахианы мах байвал зүгээр. Эдгээрт пурин хангалттай их байдаг ч ханаагүй тослог хүчил агуулдаг. Харин эдгээр хүчил нь өөх тосны солилцоонд их чухал үүрэг гүйцэтгэдэг.

-Өнгийн байцаа, манжин, шпинат. Улаан лоолийг өдөрт 2-3 ширхгээс хэтрүүлж болохгүй

-Ногоон сонгино

-Цагаан мөөг, шампиньон

-Давсалж, эсвэл уксусанд дарсан бүтээгдэхүүн бага зэрэг

-Цөцгий, цөцгийн тос зэрэг болно.