Categories
редакцийн-нийтлэл

Ц.Цэндэм: “Халуун элгэн нутаг”-ийг миний хань л дуулах ёстой юм шиг болчихсон байсан

“Учиртай гурван
толгой” дуурийн Балганы дүрээрээ,  “Халуун
элгэн нутаг” дуугаараа түмний сэтгэлд мөнхөрсөн Монгол Улсын Ардын жүжигчин, дуурийн
нэрт дуучин Д.Жаргалсайхан агсны  гэргий Ц.Цэндэмтэй
ярилцлаа.

-“Халуун элгэн
нутаг” гэхээр л хамгийн түрүүнд хань тань санаанд буудаг. Энэ дуутай холбоотой нандин
дурсамж өчнөөн бий байх?

-Тийм шүү. “Халуун
элгэн нутаг” дууг манай өвгөн л дуулах ёстой юм шиг болчихсон байсан. Өвгөн маань
урлаг соёл, улс төрийн том арга хэмжээнүүдийн төгсгөлийг “Халуун элгэн нутаг”-аараа
хийнэ. Бараг л ёс болсон байсан даа. Ханийгаа амьд сэрүүн байх үед манай ширээ амьд
цэцгээр тасардаггүй байлаа. Энэ дуугаа дуулсных нь дараа хүмүүсийн хүндэтгэж өгсөн
цэцэгс гэрт минь үнэхээр сайхан уур амьсгал бүрдүүлдэг байжээ. 

-Жаргалсайхан агсныг  Дорнодын театрт ажиллаж эхэлсэн гэдэг байх аа.
Дуурийн театрт хэдэн оноос ажиллаж эхэлсэн бэ?

-Өвгөн маань Дорнод
аймгийн Дашбалбар сумын хүн. Дорнодын театрт 1957 онд ажилд орсон юм. Тэнд хоёр
жил ажилласных нь дараа 1959 онд Улаанбаатарын төв театрт татаж авсан байдаг. Тэрнээс
хойш  Дуурийн театртаа тасралтгүй ажилласан
даа.

-Балганы дүрд  тоглосон тоог нь гаргаж үзсэн үү?

-Балганы дүрд яг хэдэн
удаа тоглосон бэ гэж тоолж байгаагүй  юм байна
шүү. Тоймгүй их тоглосон доо. Би анхны тоглолт болгоныг нь үздэг байлаа.  Миний хань 30 гаруй дуурийн 40-өөд дүрд тоглосон.
Тоглосон концертыг нь тоолж байсангүй дээ. Ямар ч байсан 30 гаруй орноор аялсан
байдаг юм. Жаргалсайхангүй төрийн концерт, Жаргалсайхангүй эхэлдэг үйл ажиллагаа
гэж байгаагүй. Дуурийн хамаг голыг нугалж байсан алтан үеийнхний сүүлч байсан даа,
миний хань. Соёлын өдрүүд хаана болно  явдаг
байлаа шүү дээ.

-Хуучин цагт урлагийнхан
гадаад явахаас гадна бригадаар хөдөө гадаа явж концертонд орохоос  эхлээд гэртээ бараг л үзэгддэггүй байсан гэдэг.
Арын албаа яаж амжуулж байв?

-Хүүхдүүдээ өсгөхөд  хадам ээж маань их дэм болдог байсан. Тэр үед
хүүхдээ төрүүлээд сар хагас болоод л шууд ажилдаа ордог байсан юм. Манай хүн урлагийн
бригадаар их явна. Хэд хэдэн орноор дамжиж тогловол сар болох энүүхэнд. Би хүүхдүүдээ
төрүүлснээс хойш 1976 онд Германд аспирантурт таван жил сурсан юм. Тэр хугацаанд
хадам ээж минь л арын алба хариуцаад үлдэж байсан. Нөхөр бид хоёрын хол байсан хугацааг
тоолбол бараг 15 жил болдог юм. Хол байна гэдэг хайрын бас нэг шалгуур болдог юм
билээ.

-Та хоёрыг нэг
голын хүүхдүүд байсан гэж дуулсан. Нутгийн тань хүү хайраа яаж илэрхийлж байсан
бэ?

-Тийм ээ, бид хоёр
чинь нэг голынх. Улз голын хүүхдүүд байгаа юм. Баян-Уул сумын дунд сургуулийн зургадугаар
ангид орох жил Жаргалсайханыг анх харж байсан. Тэр маань нэг ангиар ах. Долдугаар
ангийн сурагч. Бүсээ доогуур бүсэлсэн шар залуу хааяа концертонд дуулдаг байлаа.
Тэр үед улаан буланд кино үзүүлнэ. Киног бүлэг бүлгээр дамарт ороочихоод үзүүлдэг
байсан цаг.  Нэг бүлэг дуусаад л кино зогсож
дамраа сольдог байсан юм. Нэг киноны завсарлагаар би арагшаа хараад инээсэн юм билээ.
Тэрийг л манай хүн “Намайг хараад инээсэн” гэж ярьдаг юм. Би инээмтгий хүүхэд байсан
л даа. Тэр үедээ “Би чамайг харж инээгээгүй” гэж их  маргана. Тэгээд нэг л мэдэхэд  надад захиа өгдөг болчихсон юм. Бас их дүрсгүй,
хоёулаа түлээний хажууд уулзмар болно оо. Нэг өдөр дотуур байрандаа унтаж байтал
бөөн шуугиан болоод явчихлаа. Өвөрт хүйтэн хөлтэй нэг хүн ороод ирдэг байгаа. Манай
тасгийнхан цочсондоо хашгирч бөөн юм боллоо. Дотуур байрныхаа багшид баригдаж арга
хэмжээ авахуулж байлаа. Би тэр жилээ төгсөөд аймгийн сургууль руу шилжсэн юм. Дараа
нь Жаргалсайхан маань зургадугаар фестивальд явж, театрт орж урлагийн хүн болсон
доо. Би найзуудтайгаа тоглолтыг нь үздэг байсан. Тэгж байтал  Улаанбаатарын төв театр руу татаж авсан юм.

-Нэг хэсэг холбоогүй
байжээ дээ?

-Тиймээ, тэр үеэс
хойш хэсэг хугацаанд таарахаа больсон. Дараа нь их сонин учралаар таардаг юм. Би
1961 онд арван жилээ төгсөөд Москвад сургуульд сурахаар боллоо. Сүхбаатарын талбай
дээр ангийнхаа хүүхдүүдийг хүлээгээд сууж байсан юм. Ангийнхаа нэг хүүхэдтэй хамт.
Тэгсэн Дуурийн театр талаас манай хүн гараад ирдэг байгаа. Бид хоёртой мэндлээд
юм ярьж хэсэг суудаг юм. Их гоё залуу болчихож. Явахдаа  “Би Учиртай гурван толгой дуурьд дуулна. Та хоёрыг
урья” гэж байна. Бид хоёр ч яваад очсон. Анх удаа тэгэхэд л Балганд дуулж байхыг
харсан даа. Их гоё дуулсан. Би тэр үед Жагаагийн садангийн охиныд хамт байсан юм.
Дуурь дуусаад намайг хүргэж өглөө. Тэгж л дөрвөн жилийн дараа бид хоёрын үерхэл
сэргэсэн. Дуурийн театрын ард өрөө хөлсөлж амьдарч эхэллээ. Тэгээд 1961 оны намар
би Москвагийн Ангаах ухааны дээд сургууль руу эм зүйчээр, өвгөн маань Болгарын Хөгжмийн
дээд сургууль руу дуурийн дуулаачаар сурахаар болсон. Тэр үед биднийг гаргаж өгөх
цайллага хийсэн юм. Бид хоёр тэр цайллагыг 
хуримынхаа өдөр гэж тооцдог. Ингээд бодохоор 50 жил ханилсан байна даа. Багадаа
танилцсаныг бодвол 55 жил л дээ.

-Танай хүүхдүүдээс
урлагаар явсан хүн гэвэл лав Чингис байна. 
Өөр мэргэжлээр сурсныхаа дараа  аавынхаа
мэргэжлийг өвлөж дуулдаг болсон?

-Ариунаа, Чингэс,
Оюунаа гээд гурван хүүхэдтэй. Ариунаагаа 1963 онд оюутан байх үедээ төрүүлсэн. Одоо
Хөгжим бүжгийн коллеж, “Сити” дээд сургуульд багшилдаг. Бага охин Оюунаа энд Ангаах
ухааны дээд сургуулийг хүний эх эмчээр төгссөн. Одоо шүүхийн шинжилгээний үндэсний
хүрээлэнд биологийн шинжээч хийдэг. Хүү Чингэс маань 1967 онд төрсөн. Одоо Оюу толгойд
ажилладаг. Чингэс Дүрслэх урлагийн дээд сургууль төгссөн зураач хүн. Төгсдөг жилээ
дуулдаг авъяастай гээд гэнэт шалгалт өгөөд тэнцчихсэн. Тэгээд л аавынхаа сурсан
Болгарын Хөгжмийн дээд сургууль руу дуурийн дуучнаар буюу аавынхаа мэргэжлээр сурч
ирсэн юм. Ирээд дуурьт хэдэн жил ажилласан. Бас рок, поп урсгалаар ч дуулсан. Хэл
сурна гээд Америк руу Калифорнийн их сургуульд яваад Компьютер график дизайны анги
төгсөөд ирсэн. Манай хүү гурван мэргэжил эзэмшсэн хүн. Аав нь үүнд нь их л олзуурхдаг
байсан. 

-Ханийнхаа байнга
ярьдаг байсан үгийг дурсаач?

-Манай өвгөн хүн амьдралд
заавал гурван юм хийсэн байх ёстой гэж ярьдаг байсан. Тэр нь байшин барих, мод тарих,
үр хүүхэдтэй болж удмаа үлдээх. Тэднийгээ бүгдийг нь  хийсэн дээ. Шадивлан зусланд өөрөө байшин барьж
байлаа. Тэндээ мод, ногоо тарьдаг байсан. Биднийг хүндэлдэг сайхан хүүхдүүд маань
байна. 

-Хань тань олон
сайхан найзтай байх?

-Олон сайхан найзтай.
Гавьяат багш Б.Цэрэндорж их ирдэг байсан, доктор Мөнхбаатарынхтай гэр бүлийн сайхан
найзууд. Ангийн найз нь Ч.Цэдэн-Иш гээд гавьяат эмч бий. Буриад, Монголын гавьяат
жүжигчин Ухнаа байна. Хэлээд байвал дуусахгүй олон доо.  Ч.Цэдэн-Иш маань багаасаа нөхөрлөсөн андын хувьд
манай хүнийг их дурсаж ярина.  Эв дүйтэй,
найрсаг, санасан зүйлээ хийж байж санаа амардаг хүн гэж ирээд магтдаг юм. Тэр хоёр
нэг ч удаа ам зөрж байгаагүй гэдэг юм билээ.

-Та хаана ажиллаж
байсан бэ?

-Би төгсөж ирээд эмийн
заводод ажиллаж байсан. Цехийн мастераас эхэлж байлаа. Технологич инженер хийж байгаад  Улсын эм хангах үйлдвэрлэлийн газар гэж байгуулагдахад
мэргэжилтнээр очиж байлаа. Герман руу аспирантурт яваад төгсөж ирээд Ардын  эмнэлгийн хүрээлэнд олон жил ажилласан. Тэндээсээ
тэтгэвэрт гарсан даа.

-Нөхөр тань хэр
халамжтай хүн байсан бэ?

-Хачин их халамжтай.
Хүүхдүүд нь өвчин тусвал манай өвгөн л эмнэлгээр авч явна. Голдуу орой ажилладаг
болохоор л тэгдэг байсан юм болов уу. Надад эмнэлгээр явах зав бараг л гардаггүй
байсан юм. Бид хоёр орой байнга  телевиз үзэж
үзэл бодлоо хуваалцана. Их шооч.  Дандаа л
инээлгэдэг байлаа. Өвгөн маань өвдсөн байхдаа ч сэтгэлийн хаттай амьдарсан. Байнга
л хошин юм ярьж инээлгэдэг байлаа. 

-Хүү чинь дуурьт
ажиллаж байхдаа Балганы дүрд тоглож байсан уу?

-Манай хүн хүүгээрээ
их бахархдаг гэж бичсэн байсан. Балганы дүрд нэг удаа  тоглосон. Японы Юми сан гээд охин Нансалмаад тоглоход
мань хүн нэг удаа Балганд тоглосон байдаг юм. 
Удаан тоглоогүй л дээ. Аав нь үзээд их сайхан болсон гэж байсан. Саяхан Чингэс
маань наймдугаар сарын 18-нд “Алтаргана” наадмаар арав гаруй Буриад дуутай CD гаргасан.
Аав нь хүүдээ “Би дан буриад дуугаар CD гаргаж амжсангүй, чи гаргачихаарай” гэж
захисан байсан юм.

-Хүүгээ дууриар
явуулах хүсэлтэй байсан байх даа?

-Тийм ээ. Хүү маань
“Мэргэжлийн дуучин хүн ямар ч жанрын дууг дуулж чаддаг байх ёстой гэж аав та өөрөө
захидаг биз дээ” гэж хэлж байсан. Тэгээд л аав нь өөр жанраар явахыг нь зөвшөөрсөн
дөө.

-Хань тань нэлээд
хэдэн  ном бичсэн хүн. “Мартаагүй” гэсэн ном
нь олон их хүрсэн санагддаг?

-Тэгсэн нэлээд олон
ном бий шүү. Театраас тэтгэвэрт гараад Хөгжим бүжгийн коллежид багшилж байсан юм.
Ер нь л гэртээ байх хугацаандаа зүгээр суухгүй. Тэгээд л хэд хэдэн ном гаргасан
юм. Өвгөн маань мэнд байхдаа “Мартаагүй 1” номоо бичсэн дээ. Уран бүтээлч талаасаа
бичсэн ном учраас хүмүүст илүү хүрсэн байх. Бурхан болсоных нь дараа би  “Мартаагүй 2” 
гэдэг ном бичсэн. Өвгөнөө ямар хүн байсныг нь бичсэн дурсамж ном л доо. Тэр
номондоо “Хагас зууныг хамтдаа” гэсэн нэр өгсөн. Учир нь 50 жил ханилсан дурсамжаа
сийрүүлж бичсэн юм. Одоо бас тэр номоо орос хэл рүү орчуулах гээд ажиллаж байна.   

-Танай хүн энд
тэнд соёлын өдрүүдэд их оролцдог байсан. Тэр өдрүүдээс нь сэтгэлд үлдсэн дурсамж
өчнөөн байх. Онцолж нэг тохиолдол яриач гэвэл та алийг нь онцлох вэ?

-Өө тоймгүй их явна
шүү дээ. Надад ямар дагаж явах боломж байх биш. Найз нөхөд, өөрийнх нь ярианаас
л сонсож байсан. Москвад болсон соёлын өдрүүдээр манай хүнийг үнэхээр сайхан хүлээж
авсан гэж ярьдаг. Манай хүн урын сандаа хэдэн орос дуутай байсан л даа. Ф.И.Шаляпины
“Петрийн гудамжаар”, “Согтуу хүний дуу” зэргийг дуулахад алга ташаад тайзнаас буулгахгүй
байсан гэдэг юм. Бас Чехэд 1979 онд “Худалдагдсан бэр” дуурьд Гецал гэдэг хошин
дүрд тоглож байсан юм. Прагийн дуурьт дуулахад 
их хүндэтгэлтэй хүлээж авлаа гэж маш их баярлаж байсан даа. Тоглолт дууссаны
дараа нэг эмэгтэй хүзүүнээсээ зүүлтээ аваад өвгөнд маань зүүж өгсөн байдаг. Их гоё
олон өнгийн чулуунууд хэлхсэн уртаа гэгчийн зүүл. Хэд, хэд ороож зүүдэг  байлаа. Тэр 
зүүлтийг би насаараа зүүж байна.

-Ханиасаа бэлэг
их авч байсан уу. Тэр үед гадаад яваад ирсэн хүн сонин содон юм их авчирдаг байсан
байх даа?

-Манай хүн соёлын
өдрүүд гээд гадаад яваад ирэхээд голдуу л хүүхдүүддээ бэлэг авчирч өгдөг байсан
юм. Урлагийн хүн болохоор мэдрэмжтэй гэж жигтэйхэн. Хятадаас ирэхдээ барын нүдэн
ээмэг бөгж авчирч өгсөн юм. Бас нэг шинэ жилээр сайхан даашинз хийлгэж өмс гээд
гоё материал авчирч өгч билээ. Хамгийн сүүлд өвгөн маань өвдсөн байхдаа “Чамдаа
өөдтэй бэлэг өгч байсангүй, энэ л санаанд нийцлээ” гээд сувдан хослол авч өгсөн.
Миний хамгийн дуртай чимэг зүүлт маань тэр сувдаг зүүлт. 

 С.АРИУНЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Урамшууллаар дүүрэн барилга, орон сууцны үзэсгэлэн нээгдэв

 Жил бүр зохион байгуулагддаг “Барилга-Орон сууц 2014” үзэсгэлэн “мишээл экспо” төвд өчигдөр нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн яармагт шинэ орон сууцнууд болон гадаад, дотоодын барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, барилга угсралтын гүйцэтгэгчид, хөрөнгө оруулагч, үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид зэрэг барилгын салбарын 120 гаруй аж ахуйн нэгж оролцож өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчилж байлаа. Үзэсгэлэнд оролцож байгаа шинэ орон сууцнууд байршил, хийц загвар, зэрэглэлээсээ шалтгаалж харилцан адилгүй үнэтэй байв. Орон сууцны нэг метр квадратын үнэ
1.250.0000-5.500.000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан юм. Хамгийн хямд байр нь “Шинэ Налайх” хороолол буюу нэг метр квадрат нь
1.250.000 төгрөгийн үнэтэй. Учир нь хотоос зайдуу болохоор арай үнэ нь хямд байгаа бололтой.

Үзэсгэлэнг сонирхож буй БЗД-ийн иргэн Г.Уянга “Шинэ Налайх” хорооллыг сонирхож байгаа аж. Үнийн хувьд ч түүний санаанд нийцэж байгаа гэсэн. Тэрээр “Эдийн засгийн байдал хүнд байгаагаас дунд буюу дундаас доош орлоготой иргэдийг орон сууцжуулахаар найман хувийн ипотекийн зээлийг олгож эхэлсэн ч хүссэн хүн бүр хамрагдаж чадахгүй байгаа. Санаснаас гайгүй хямд, урамшуулал ихтэй үзэсгэлэн болж байна. Үзэсгэлэнг нэг тойроод болбол нэг байр авах л санаатай байна” гээд сэтгэл хангалуун байгаагаа хэлэв. Энэ жилийн үзэсгэлэн яармагийн онцлог нь тус арга

хэмжээнд оролцож байгаа орон сууцнууд хямдралаас гадна иргэдэд хэрэгтэй, иргэдийн сонирхлыг татахуйц урамшуулал зарласан байгаад оршиж байгаа аж. Учир нь эдийн засгийн хямралтай холбоотойгоор иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа нь орон сууцны үнэ эрэлтээ дагаад буурсныг харуулж байгаа аж. Орон сууцны үнэ буурсан тод жишээг энэ үзэсгэлэнгээс харах боломжтой гэж албаныхан ярьж байв. Тиймээс уг үзэсгэлэн яармаг дунд болон дундаас доош орлоготой иргэдийг орон сууцжуулах, зөвлөгөө өгөхөд тус болохоороо давуу талтай аж. Тиймдээ ч үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа болоод удаагүй байхад сонирхохоор ирсэн хүмүүсийн хөл хөдөлгөөн илт ихэссэн юм.

Үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хосуудтай таарлаа. Хосууд гурван өрөө байр сонирхож байгаа аж. Гэрлээд гурав, дөрвөн жил болж байгаа ч одоо хүртэл орон сууц худалдаж авч чадахгүй байгаа гэв. Хосууд сардаа нийлээд дунджаар нэг сая 300 мянган төгрөгийн цалин авдаг боловч байрны лизингэд хамрагдахад цалин нь шаардлага хангахгүй гээд байдаг аж. Тэд болж өгвөл хотын захад байр авахаар төлөвлөжээ. Нөхөр а.Ганболд “Хотын зах руу арай хямд, агаар нь өвөлдөө дээр юм уу гэж бодсон юм. Хурдан байр авахгүй бол хураасан хэдэн төгрөгөө ч үрчих гээд байх юм” гэв. Тэд метр квадратын үнэ нь
1,650,000 төгрөг гэсэн байрыг сонирхож аав, ээжтэйгээ зөвлөлдөхөөр утсаар ярьж харагдав. Ямартай ч тус

үзэсгэлэнгийн урамшуулал иргэдэд нэлээд таалагдаж байгаа бололтой. Сүүлийн үед “Содон” хорооллоос эхлээд байр авбал гарааш, эсвэл автомашин бэлэглэнэ гэсэн урамшууллыг явуулах болсон. Хямд, урамшуулалтай орон сууцнаас гадна тансаг зэрэглэлийн хаусуудыг ч үзэсгэлэнгээр танилцуулж байсан.

Мөн удахгүй хуримаа хийх хүүгийндээ шинэ орон сууц авахаар хижээл насны эр үзэсгэлэнг сонирхож байгаатай уулзлаа. Тэрээр байранд дагалдах урамшууллыг их сонирхож байгаа гэнэ. Хэрвээ машин дагалдсан байр авчихвал хүүдээ байраа өгөөд бага хүүдээ машиныг нь өгчих бодолтой байгаа аж. “Саруул”, “Нарны хороолол”, “Х
Apartment”, “Хүннү 2222”, “Хангай”, “Шинэ Налайх”, “Комфорт апартмент” зэрэг олон хорооллууд ч үзэсгэлэнд оролцож байсан. мөн “Хурд” ХХК нь “Нарны хороолол”, “Хүннү 2222” хороололдоо худалдан авагчдын дунд сугалаа зарласан бөгөөд үнийн дүнгийн 30 сая тутамд нэг сугалаа олгож байгаа аж. Супер азтан хоёр өрөө байр, 20 азтан авто машины дулаан зогсоол хожих зэрэг урамшуулал зарласан байв. “Улаанбаатар Пропертийз” ХХК нь төлбөрөө 100 хувь бэлнээр төлсөн тохиолдолд м/кв тутамд 100.000
төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх бөгөөд гал тогооны тавилга гарын бэлэг өгөх юм байна. Энэ мэтчилэн ихэнх компани урамшуулал зарласан байлаа. Үзэсгэлэн энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ.

С.АРИУНЖАРГАЛ

Б.БАТСАЙХАН

 

Categories
мэдээ цаг-үе

Сумдын наадам хэзээ вэ?

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн тэгш ойн наадмаа сумдууд тэмдэглээд эхэлжээ.

Архангай аймаг долдугаар сарын 9-10-нд наадмаа хийсэн байна. Харин Чулуут, Жаргалант, Хайрхан, Батцэнгэл, Өлзийт зэрэг таван сумын 90 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 25-26-нд болох юм. Архангай аймгийн төв нь Улаанбаатар хотоос 521 километрийн зайтай.

Баян-Өлгий аймгийн хувьд энэ жил сумдын тэмдэглэлт ой байхгүй бөгөөд аймгийнхаа наадмыг энэ сарын 5-6-нд хийсэн байна.

Баянхонгорын наадам Засгийн газрын тогтоолын дагуу долдугаар сарын 25-26-нд болсон. Түүнчлэн тус аймгийн Өлзийт, Жинст, Баацагаан, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг, Заг зэрэг найман сум түүхт 90 жилийн ойгоо долдугаар сарын 16-25-нд тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Булган аймгийн наадам энэ сарын 9-10-нд болсон. Харин Дашинчилэн, Хутаг-Өндөр, Хангал, Бугат зэрэг дөрвөн сумын 90, Рашаант сумын 30 жилийн ой долдугаар сарын 25-26-нд болно. Түүнчлэн Хан уулын тахилга буюу манлай уяач Дамбын Хишигжаргалын цолны мялаалга наадам наймдугаар сарын 1-2-нд болох юм байна. Дашрамд дурдахад тус мялаалга наадамд Булган аймгийн шигшмэл хурдан морьдыг тодруулах уралдаан болох аж.

Говь-Алтай аймгийн хувьд энэ жил хамгийн олон сум түүхт ойгоо тэмдэглэх юм. Тухайлбал, Дарви, Бугат, Есөнбулаг, Халиун зэрэг дөрвөн сумаас бусад 14 сум 90 жилийн ойгоо наймдугаар сарын 1-3-нд тэмдэглэх юм байна.

Говьсүмбэр аймгийн баяр наадам энэ сарын 3-4-нд болсон. Тэгвэл мөн Баянтал сумын 90 жилийн ой 3-4-нд болсон юм.

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 20 жилийн тэгш ойн наадам долдугаар сарын 19-20-нд болно.

Тэгш ойгоо тэмдэглэх сумдынхаа тоогоор Дорноговь аймаг хоёрт бичигдэж байна. Энэ жил тус аймгийн Сайншанд, Улаанбадрахаас бусад 12 сум түүхт ойгоо тэмдэглэх бөгөөд долдугаар сарын 10-27-нд тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.

Дорнод аймгийн баяр наадам долдугаар сарын 25-26-нд болно. Харин Булган, Матад, сумын 90 жилийн ой энэ сарын 20-21-нд, Баян-Уул сумын 90 жилийн ой долдугаар сарын 14-16-нд болсон бол Халх гол, Вангийн Цагаан уулын тахилга наадам наймдугаар сарын 16-17-нд болох ажээ.

Дундговь аймгийн баяр наадам энэ сарын 25-26-нд харин Луус, Гурван сайхан, Өлзийт, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдын 90 жилийн ой долдугаар сарын 17-18-нд, Сайнцагаан, Өндөршил сумын 90 жилийн ой зургадугаар сарын 9-10-нд болсон юм.

Завхан аймгийн хувьд 10 сумын ой энэ жил тохиогоод байгаа юм. Аймгийн баяр наадам нь энэ сарын 10-11-нд Улсын баяр наадамтай давхцсан бөгөөд Отгон, Дөрвөлжин, Сантмаргац, Яруу, Сонгино, Баянхайрхан, Баянтэс, Шилүүстэй, Ургамал, зэрэг сумын 90, Асгат сумын 30 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 17-28-нд болно.

Орхон аймгаас хамгийн олон хүн амтай Баян-Өндөр сумын 20 жилийн ой зургадугаар сарын 28-29-нд болсон бөгөөд аймгийн баяр наадмыг долдугаар сарын 9-11-нд тэмдэглэн өнгөрүүллээ.

Өвөрхангай аймгийн баяр наадам энэ сарын 10-11-нд болсон. Харин Баян-Өндөр, Баянгол, Богд, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Төгрөг, Тарагт, Хужирт, Гучин-Ус зэрэг сумд түүхт 90 жилийн ойн баяр наадмаа долдугаар сарын 18-19-нд зохион байгуулж байна.

Өмнөговьчууд Батмөнх даян хааны мэндэлсний 550 жилийн ойг бүтэн жилийн турш нижгэр тэмдэглэж байгаа билээ. Аймгийнх нь наадам их хааны мэлмий гийсний баярт зориулагдах бөгөөд тус наадам долдугаар сарын 25-26-нд болно. Харин Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо, Номгон, Ханхонгор, Манлай зэрэг сумын 90, Гурвантэс сумын 60 жилийн ойн баяр наадам наймдугаар сарын 8-нд ганцхан өдөр болно. Өмнөговь аймаг Улаанбаатар хотоос 560 км зайтай байдаг.

Сүхбаатар аймгийн Уулбаян, Эрдэнэцагаан, Сүхбаатар, сумын 90, Түмэнцогт сумын 60 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 23-24-нд болох юм.

Сэлэнгэ аймгийн баяр наадам долдугаар сарын 9-11-нд болж, Шаамар 4-5-нд, Зүүнбүрэн 14-15-нд баяраа тэмдэглэсэн, Цагааннуур 15-16-нд, Түшиг болон Ерөө сум 14-15-нд, Баруунбүрэн сум 24-25-нд наадмаа тэмдэглэнэ. Мөн Мандал сум наймдугаар сарын 1-2-нд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн аж.

Төв аймгийн баяр наадам энэ сарын 9-10-нд болов. Харин Лүн, Өндөрширээт сумын 90 жилийн ойн наадам долдугаар сарын 9-10-нд, Эрдэнэ, Батсүмбэр, Угтаалцайдам сумын 90 жилийн ойн наадам энэ сарын 10-15-нд, Бүрэн сумын 90 жилийн баяр наадам долдугаар сарын 15-16-нд болжээ. Мөн Сэргэлэн, Баян, Баянцагаан сумын 90 жилийн наадам долдугаар сарын 18-19-нд болж байна.

Увс аймгийн баяр наадам энэ сарын 10-11-нд, харин Зүүнхангай, Завхан, Өмнөговь, Бөхмөрөн, Тэс зэрэг сумын 90 жилийн ойн наадам долдугаар сарын 16-наас эхэлж наймдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.

Ховд аймгийн баяр наадам, баруун бүсийн хурдан морьдын уралдаан энэ сарын 25-26-нд болно. Тэгвэл олон ястны өлгий нутгийн Дарви, Алтай сумын 90 жилийн ойн наадам энэ сарын 19-20-нд, Цэцэг сумын 90 жилийн ойн наадам ирэх сарын 3-4-нд болох аж.

Хөвсгөл аймгийн баяр наадам энэ сарын 25-26-нд болно. Тус аймгийн Тосонцэнгэл, Галт, Шинэ-Идэр сумын 90 жилийн ой долдугаар сарын 17-18-нд болжээ.

Хэнтий аймгийн Галшар сумын 90 жил энэ сарын 19-21-нд, Норовлин сумын 90 жилийн ой 14-15-нд болсон бол Бэрх сумын 60 жилийн ойн баяр 11-12-нд болсон байна. Түүнчлэн Мөрөн суманд энэ сарын 25-26-нд Түмэн адууны баяр болох бол Дадал суманд энэ сарын 18-20-нд “Алтаргана” их наадам зохион байгуулагдах юм.

С.АРИУНЖАРГАЛ

Д.ДОРЖДЭРЭМ

Categories
мэдээ цаг-үе

Уяачид хурдан мориныхоо уяа сойлгыг тааруулж эхэллээ

Яг нэг сарын дараа наадам болох нь. Улсын гарьд Б.Гончигдамбаар ахлуулсан Завхан аймгийн бөхчүүд нутагтаа бэлтгэлээ хангаж байгаа сураг дуулдсан. Харин уяачид уржигдраас наадамд уралдах хурдан морьдоо барьж эхэллээ. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Долоон гэх газар бий. Хотоос 60 гаруй км-ийн зайтай. Тэнд ихэнх уяач зусландаа буужээ. Өчигдөр гахай өдөр байсан болохоор уяачид хурдан мориныхоо ёслогоог хийсэн юм. Долооноос баруун урагш аймгийн алдарт уяач Н.Алтанхүүгийн уяа байв. Өглөө эрт очиход адуу руугаа явчихаж. Гэрийн эзэгтэй хүүхдүүдийнхээ хамтаар үлдсэн байв. Ёслогооны үеэр идээ будаа засдаг болохоор охид нь цай чанах, хоол хийх, сүүгээ хөөрүүлж өрөм загсаах гээд ажил ихтэй байлаа. Удалгүй Н.Алтанхүү тэргүүтэй залуус адуугаа туугаад хүрээд ирэв. Эдний уяа аль нэг галд хамаардаггүй ажээ. Тиймээс бие даан хурдан морио уядаг юм байна. Өнөө жил азарганаас бусад насны арав гаруй морь уяж байгаа гэсэн.

Ихэнх нь улсын наадамд уралдах битүү морь. Бас энэ жил Төв аймгийн олон сумын тэмдэглэлт ой тохиож байгаа болохоор тэдгээрт очиж уралдахаар төлөвлөж буй гэнэ.

Н.Алтанхүү морь уях эрдэм ухааныг ааваасаа өвлөж авсан гэнэ. Түүний аав Нанжид нутаг усандаа нэртэй уяач байж. 1997 онд улсын наадмын их насанд хонгор морь нь түрүүлж уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулж байсан түүхтэй. Бас 1998 онд хонгор даага нь улсад түрүүлж байжээ. Улсын наадамд түрүүлж байсан хонгор дааганы үр төл одоо уралдаж байгаа юм байна. Аав нь амьд сэрүүн байхдаа хүүдээ өөрийн морь уях арга ухаанаасаа зааж өгсөн, бас багаасаа хурдны морь унадаг байсан болохоор наадам дөхөөд ирэхээр нойр хоолоо умартдаг болоод удаж байгаа гэнэ. Тэрээр адуугаа хурааж ирээд энэ жил уях арваад морио барьж уялаа. Эднийхийг морио ёсолж байгаа сургаар тэр хавийн эрчүүд цуглажээ. Уяан дээр байгаа морьдыг шинжсэн шигээ тойроод алхаад л байх юм. “Их эмнэг байна шүү” гэлцэнэ.

Морин цагт эхлэх байсан ёслогоо хойшлоод л байв. Учрыг асуувал хотоос лам ирэх байсан ч автомашины дугаар нь явдаггүй байж таараад ирэх боломжгүй болжээ. Тиймээс аймгийн төвийн хийдээс лам залахаар болов. Ингээд хонь цагт ёслогоогоо эхэлсэн юм. Лам моринд ээлтэй ном уншаад, Н.Алтанхүүгийн адууны хурдыг хангай дэлхийд даатгалаа. Мөн уяан дээрээ хийморийн дарцаг хийсгээд уяагаа, уралдах морьдоо арцаар ариулах ажээ. Харин унаач хүүхдүүд наадмынхаа хувцсыг өмсчихөж. Цэнхэр, улаан өнгөтэй өмд цамц өмсөж, эмээлээ бариад гэрээсээ гараад ирэв. Аавынхаа хоёр талд гарч гүйгээд “Би өнөөдөр ямар морь унах юм бэ” гэж шална. Ингээд цугласан хүмүүс уяаны дэргэд зассан идээ будаанаас идэж, хүүхдүүд мориндоо мордон уяагаа тойрон морины тарни аялгуулан уншаад гийнгоолж гарав. Хүүхдүүдийн ч хийморь сэргэсэн бололтой уяагаа тойрох тусам хоолой нь цээл болж чангаар гийнгоолох ажээ. Үүний дараа идээ, будааныхаа дээжийг хангай дэлхийдээ өргөөд уясан морь нь хурдан, унасан хүүхэд нь аюулгүй наадахыг сүслэн бодож залбираад ёслогоо өндөрлөв.

Н.Алтанхүүтэй уулзахад “Гахай өдөр морио барин ёсолж байна. Ер нь уяачид нохой, гахай өдөр морио барьдаг. Гахайг сүмбэр уулын оройд гарсан ганц амьтан гэдэг. Тэр ч үүднээсээ хүчтэй гэж бэлгэшээдэг. Тиймээс гахай өдрийг сонгон морио барьж байна. Ёслогооны гол бэлгэдэл нь адууныхаа хийморь сүлдийг сэргээж уралдах мориныхоо хурд, унаач хүүхдээ хангай дэлхийдээ даатгаж байгаа юм” гэлээ. Тэрээр сүүлийн хэдэн жил аймагтаа уралдаж байгаа ажээ. Айраг, түрүү олон удаа авч байсан юм байна. 1998 оны улсын наадмын дааганы түрүү алтан медаль, Төвийн бүсийн “Дүнжингарав-2013” уралдааны айргийн дөрвөөс эхлээд энд тэндхийн аймаг, сумын наадамд түрүүлж айрагдаж байжээ. Бас “Их хурд-3” уралдааны мандат гээд амжилтыг нь илтгэх медалиуд ярайтал өрөөтэй. Гэрийнх нь хойморт улс, бүс, аймгийн чанартай уралдааны хорь гаруй медаль байсан. Уяачдын тухайд хурдан морио уяад л байдаг. Гэтэл наадам дөхөх тусам унаач хүүхэд олдохгүй хэцүү байдаг гэнэ. Уралдаад сурчихсан хүүхдүүд тогтмол цалинтай байдаг болохоор барагтай бол олддоггүй ажээ. Тиймээс уяачид хурдан морио уяхаас гадна сайн унаач хүүхэд олох гэж санаагаа чилээдэг юм байна.

Төв аймгийн Долооны хөндий Цагаан хөтөлөөс тийм ч хол биш учраас уяачид энэ хавиар зусдаг юм байна. Монгол Улсын тод манлай уяач Ц.Дуламсүрэн, Ц.Батсайхан тэргүүтэй уяачдын гал Долооны хөндийн урд руу гарсан гэнэ. Удахгүй Д.Онон тод манлай Дорнодоос адуугаа аваад ирэх сураг дуулдаж байна. Өнгөрсөн жилийн улсын наадамд их насны морио түрүүлгэсэн “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийн гал Цагаан хөтөлд буужээ. Уяачид одоо наадам гээд тун ч завгүй. Долдугаар сар дөнгөж гараад сунгаанууд эхэлнэ. Тэр болтол уралдах мориныхоо уяа сойлгыг тааруулах, хүүхэд морь хоёроо дасгах гээд ажил ихтэй байгаа аж.

Д.ДОРЖДЭРЭМ

С.АРИУНЖАРГАЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ соёл-урлаг

С.Ариунбямба: Сэдэв нь таалагдсан учраас “Луйвар” кинонд тоглосон


Жүжигчин С.Ариун­бямбатай ярилцлаа.

-Та өөрийнхөө тухай танилцуулаач. Хэзээ сургуулиа төгссөн бэ?

-Би СУИС-ийн 2000 оны төгсөгч. Жүжигчин, найруу­лагч гэсэн давхар мэргэжлээр дүүргэсэн юм. Төгсөөд театрт олон жил ажилласан. Тэр хугацаандаа дэлхийн болон Монголын 50 гаруй сонгодог жүжгүүдэд гол, туслах дүрүүдэд тогложээ. Хорь шахам дэлгэцийн бү­тээлд оролцсон байна. Най­руулагчийн хувьд гэвэл тайзны хэд хэдэн бүтээл бий. 

-Жүжигчин болъё гэж багаасаа хүсч байсан уу?

-Урлагийн гэр бүлд өссөн болохоор аль багаасаа л жүжигчин болохыг хүсдэг байлаа. Аав маань гавьяат жүжигчин  Сүхээ гэж хүн байсан юм. Ээж бас урлагийн хүн. Олон жил театрт ажилласан хүн. Жаахан байхаасаа л  аав, ээжийгээ дагаж бригадаар их явна. Театрт очно. Аав, ээжийгээ  ажиллаж байхад наагуур цаагуур нь явж нүүр будаг хийж байгааг нь хараад суудаг хүү байлаа. Нэг л мэдэхэд театр, жүжигчний мэргэжилд  дурласан даа. 

-Анх ямар кинонд дүр бүтээж байсан бэ?

-Анх 2002 онд “Гашуун аялгуу” гэдэг кинонд тоглож байлаа. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс санхүүжүүлсэн юм. Бат гэдэг залуугийн дүрийг бүтээсэн. 

-Та дандаа л эсрэг дүр бүтээдэг. Найруулагчид таныг эсрэг дүрд тоглуулахаар  сонгодгоо юу гэж тайлбарладаг вэ?

-Хүмүүс харин ингэж асуугаад байдаг юм. Уг нь би тайзан дээр маш олон эерэг дүр бүтээсэн. Эсрэг дүрд цөөхөн тоглосон байдаг. Эерэг дүрд тоглох тоо нь гүйцнэ гэж байдаг юм болов уу, сүүлийн үед дандаа л эсрэг дүрд тоглож байна. Найруулагч нар эсрэг дүрд тоглож чадна гэж итгээд сонго­дог байлгүй л гэж боддог. Миний хувьд мэдээж зохиолоо эхэлж уншаад таалагдсан дүр дээрээ ажилладаг. 

-Та “Mongolian academy awards-2013”-аас “Ану хатан”-ы Данжила баатрын дүрээр шилдэг туслах дүрийн шагнал авсан. Данжилагийн дүрд шалгарсан түүхээ яриач?

-Данжилад тоглох гээд олон  жүжигчин  пробонд орсон юм билээ. Миний хувьд тоглоё гэж бодоогүй байсан л даа. “Ану хатан”-г найруулсан манай ангийн Алтантуяа “Пробонд ороодох” гэж дуудахаар нь проб өгчих­сөн юм. Яг аль дүр дээр нь сонголт хийж байгааг нь ч мэдээгүй. Тэгсэн нэг өдөр дуудаад “Данжилад тоглохоор боллоо шүү” гэсэн. Данжила жанжин чинь эерэг дүр. Намайг сөрөг дүрээр хүлээж аваад сурчихсан хүмүүс “За энэ нөхөр хэзээ урвах бол” гээд  хараад байсан гэсэн. Ноднингийн авардсаас “Ану хатан” киноны хувьд зохиолч, продюсер, туслах эрэгтэй дүр гэсэн гурван  шагнал авсан юм. Жүжигчдээс туслах дүрийн шагнал авсан. 

-Зорьж, хүсч  тоглосон кино бий юу?

-Энэ л кинонд тоглочих юмсан гээд байдаггүй. Оногдсон дүрээ маш сайн гаргахыг л хичээж ажилладаг. Судалгаа хийж, хөлс хүчээ гаргаж ажилласан учир тоглосон дүр болгондоо хайртай. Ер нь хүмүүс муу дүр болсон, сайн дүр болсон байна гэж их ярьдаг. Миний хувьд бүх бие сэтгэлээ гаргаж ажилласан учраас муу, сайн дүр гэж байхгүй. 

-Таны хамгийн сүүлд тоглосон “Луйвар” киног шүүмжлэх хүн цөөнгүй байна лээ?

-Гадуур сайн, муу янз бүрээр ярьж байгаа байх. Нээлтээ хийгээд хэдхэн хоно­сон болохоор гадуур юу гэж ярьж байгааг сайн мэдэхгүй байна. “Луйвар”-ын  хувьд сэдэв нь их таалагдсан. Өнөө­дөр манайд ийм төрлийн сэдэв­тэй кино ер нь байхгүй шүү. “Луйвар” кинонд Амараа гэдэг залуугийн дүр дээр ажиллалаа. 

-Кино найруулъя гэсэн төлөвлөгөө бий юу?

-Бодолгүй яахав. Найруу­лагч мэргэжилтэй хүний хувьд  нэг кино төсөл эхэлчихсэн явж байна. Энэ киногоо хүмүүсийн хардаг өнцгөөс арай өөр байдлаас харж хийх бодолтой байгаа. Нийгмийн хөшигний ард байгаа  эмгэнэлтэй зүйлийг ил гаргана. Хүмүүс бүгд мэдэж байгаа хэрнээ амаа жимийж өнгөрдөг тэр зүйлийг дэлгэцнээ хөндөж тавина. Кино зохиол маань  эхэлчихсэн байгаа. 

-Кинондоо өөрөө тоглох уу?

-Мэдэхгүй байна. Үнэхээр таалагдсан дүрдээ  тоглож магадгүй л юм.  

-Ариунбямба амьдрал дээрээ ямар хүн бэ?

-Уур уцааргүй, тайван хүлээц­тэй, тэвчээртэй хүн болов уу гэж өөрийгөө дүгнэ­дэг. Хүүхэд насандаа бусад хөвгүүдийн адил сахилгагүй жаал байлаа. Бага, дунд сургуулийн багш нартаа  их баярладаг. Их сургуулийн багш нар маань ч намайг мундаг сайхан төлөвшүүлсэн. Ганцхан амьдрах насандаа хүнлэг,  эх орноо хайрласан чин сэтгэл, зөв хандлагатай амьдрахсан гэж хүсдэг. 

-“Лардьма” киноны  архи­чин нөхрийн дүр хүмүүст их хүрсэн санагддаг. Дамчаа гуайг Исмэл тайжийн дүрд тоглосны дараа хүүхдүүд чулуугаар нүүлгэж байсан шиг юм болсон уу?

-Лардьма  нийгмийн хөшиг­ний ард байгаа сэд­вийг гаргасан мундаг кино. Жүжигчид нь их сайн жүжиг­лэсэн. Миний бүтээсэн дүр бол хүчирхийлэл үйлдэж бай­гаа архичин нөхөр Өнөболд. Арай ч чулуу нүүлгээгүй ээ, гэхдээ яривал өчнөөн жишээ бий. Энгийн жишээ хэлэхэд манай охинтой ангийнх нь хүүхэд маргалдаж л дээ. Тэгсэн манай охин “Би чамайг аавдаа хэлнэ” гэж. Тэгсэн нөгөө хүүхэд нь “Танай муу аав хувхай архичин юм билээ” гэсэн байсан. Охин маань яаж дуугүй байхав. “Манай аав архи уудагггүй. Чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлтэл ангийнх нь хүүхэд “Лардьма дээр нэг хөгийн л амьтан байсан ш дээ” гэсэн юм билээ. Хүүхдүүд тэгж ярьсан гэхээр Өнөболдын дүр хүмүүст хүрсэн юм болов уу гэж ойлгож байгаа. 

-Хүмүүс таныг гудамжаар ява­хаар ямар өнцгөөр хараад байх шиг санагддаг вэ?

-Дийлэнх нь л “Энэ их муухай зантай, муу хүн байх.  Харваас л уудаг нөхөр байна” гэсэн харцаар хараад байдаг. 

-Эсрэг дүрээс татгалзъя гэсэн бодол төрөх үе гардаг уу?

-Дүрд ялгаанууд хэрэгтэй. Эсрэг дүр дотор олон дүр бий. Ярьдаг эсрэг дүр байна. Ярьдаггүй ч эсрэг дүр байна. Тэгэхээр нэг хэв маягт бариг­даж өөрийгөө лоозон, лого болгож ард түмний сэтгэл зүйд хадаж болохгүй. Маш олон сонин дүр дээр ажиллаж болно. Яг тэр гэхийн тэмдэггүй, барьж авч болохгүй тийм л дүрүүдэд ажиллая гэж боддог. Эерэг дүр ч маш олон янз. Энэ хорвоо дээр өөр өөр зан араншинтай өчнөөн мянган хүний дүр оршин тогтнож байна. Тиймээс надад ямар нэг дүрээс татгалзах шаардлага байхгүй. Ажиллах дүрдээ ажиллаад л явна.

-Жүжигчид дүр дээр ажил­лах­даа өчнөөн судалгаа хийдэг гэдэг.  Таны хувьд дүр дээр ажиллахынхаа өмнө өөрийгөө яаж бэлддэг вэ?

-Өөрөөсөө өөр хүн бий болгох гэж байгаа учир судалгаанд цаг зарахаас аргагүй л дээ. Зохиол дээр биччихсэн нөхрийн  удамшил, хүмүүжил, амьдралын замнал зэргийг бүгдийг тооцно. Ямар зүс царайтай, яагаад ийм болсон гээд бүгд л задраад явна. Үүнийг л жүжигчин хүн ямар ч хийгүй гаргах ёстой учраас их нарийн ажиллагаа шаарддаг. Миний хувьд дүр дээрээ ажиллахдаа  эхлээд гадна талаас нь их боддог. Дараа нь дүрийнхээ мөн чана­рыг дотоод руугаа  оруулж сэтгэлгээг нь гаргана. Зохиол дээр тухайн дүрийн тухай бусад дүрүүд нь  юу гэж ойлгож байна вэ гэдэг их чухал асуудал.  Дүрийн эцсийн зорилго юу байна гэдгийг бодно. Эхлэл, төгсгөлийн цэг хаана байгааг  сайн бодох учиртай. Би дүрээ аваад л эскиз зураг гаргадаг. Тэрэндээ дөхүүлж хувирдаг. 

-Та зургийн авьяастай юм аа. Их адилхан зуржээ?

-Хобби, мэдрэмжээрээ л зурдаг. Аав маань ч бас дүрийн эскизүүдээ гаргачихдаг байсан юм. Тайзан дээр гарах үйл хөдлөл бүртэй нь маш тодорхой зурдаг хүн байлаа. Хүүхэд байхдаа аавынхаа хажууд суугаад зургийг нь их харна аа. Аав зурсан эскизүү­дээ дүрийнхээ фототой харь­цуу­лаад хадгалдаг байсан. Надад ч бас тэгж харьцуулсан дэвтэр бий. 

-Та бараг өөрөө нүүрээ хувиргачихдаг юм биш үү?

-Би Монголын мундаг нүүр хувиргагч Найданжавын шавь. Оюутан байхдаа нүүр будгийн хичээлээ нэлээд түлхүү заалгаж байсан. Хэр баргийн нүүр будгийг өөрөө хийчихнэ шүү. Кино багт нүүр хувиргагч байдаг. Тэр хүнийг хүндэлнэ. Би ингэж будвал зүгээр гэж бодож байна, та юу гэж бодож байна гэх мэтээр зөвлөлдөж санал солилцож ажилладаг.  

-Таны хувьд тайз дэлгэцийн ялгаа юу вэ?

-Тайз бол амьд. Хөгжим дуугараад л хөшиг нээгдэхэд үйл явдал тасралтгүй өрнөж  хөшиг хаагдахад л дуусна. Тодорхой нэг хугацаанд л болж өрнөдөг зүйл. Кино бол тийм биш. Хаанаас нь ч, аль үеэс нь ч зураг авч магадгүй. Тэгэхээр тооцоолох юм маш их гардаг. Кино эхлэх өдөр үхдэг зургаа авахуулах үе ч гарна. Дүр маш их зовлон туулж байж үхэх ёстой. Гэтэл юу ч болоогүй байхад үхнэ гэдэг хэцүү. Тэр бүхнийг мэдэрч гаргана. Дүрээ л маш сайн судлах ёстой. 

-Одоо та ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Хоёр киноны санал авчихаад байна. Гэрээгээ хийж амжаагүй байгаа. Судалгааны ажлаа хийгээд явж байна. Жүжигчин хүн ер нь амардаггүй. Нэг юм уншчихаар зовно, шанална, гудамжинд гарч сонин дүр төрх хайна, хүмүүсийн харилцааг анзаарна гээд цагийг зүгээр өнгөрөөхгүй шүү. 

-Яг ямар дүрд тоглох юм бол?

-Нэг нь эсрэг дүр, нөгөө нь эерэг дүр. 

-Манай  кино урлагийн хөгжил  хэр түвшинд яваа гэж та боддог вэ?

– Монголын театр, кино урлаг нэг үеэ бодвол сайхан хөгжиж байна. Хүмүүс ч маш гоё  хүлээж авдаг болж.  Ер нь урлаг хөгжихөд хүмүүсийн уран сайхны боловсрол үнэлж баршгүй үүрэгтэй байдаг. Зарим хүн үүнийг буруугаар ойлгож “муусайн урлагийнхан” гэж ярьдагт уран бүтээлчийнхээ хувьд эмзэглэдэг. Хүний оюуны талхыг бэлдэж өгдөг хүмүүсийг уран бүтээлч гэдэг. Хүн гэдэг амьтан оюунаа цэнэглэж хооллох ёстой. Тэр хоол нь уран бүтээл. Өөр нэг анхаарахаас аргагүй өнцөг бий. Өнөөдөр гадны маш олон кино, уран бүтээлийг хэн хаана ч үзэж болж байна.  Дэлхий дээр маш олон шашин, үндэстэн, соёл иргэншил бий. Даяаршлын нийгэмд энэ олон янзын соёл нэгдэж байгаагийн наад захын жишээ нь кино урлаг.  Энэ давалгаан дунд Монголын гэсэн өв, соёл, оршихуйгаа авч үлдэж, монгол гэдгээрээ ялгарахын тулд, тэр орчныг бий болгохын төлөө кино урлагийнхан зүтгэж яваа. Миний хувьд  Монголын кино урлагийг хөгжиж байгаа, үүргээ биелүүлж яваа гэж үнэлдэг. 

 -Монголд яг одоо ийм төрлийн л кино дутагдаж байна даа гэсэн бодол төрдөг үү?

-Уран бүтээлчид сонин сэдэвтэй сайн кинонууд хийж байна. Техник, технологи нь ч нэг үеэ бодвол өндөр шатанд гарсан. Олон ч төрлийн кино хийж байна. Үндэсний өөрийн хэв маяг, жанрыг бий болгомоор юм уу гэсэн бодол төрдөг. Монголчууд гэж яг ямар хүмүүс юм гэдгийг гаргаж ирмээр санагддаг. Тийм орон зай үгүйлэгдээд байх шиг.  Өнөөдрийн хувьд АНУ, Хятад гээд бүх орны киноны сэдвийг хулгайлаад хийчихлээ. Өөрсдийн өнгө төрх гэдэг юмаа алдах гээд байна уу гэж эмзэглэдэг. Уран бүтээлчид санасандаа хүртэл бүтээл хийе гэхээр мөнгөгүй гацдаг зовлон бий. Бусад улс орнууд уран бүтээл, театртаа маш их хэмжээний мөнгө гаргаж өгдөг. Учир нь айхавтар орнууд  кино урлаг ач холбогдолтойг мэдэрдэг. Тэр ч утгаараа кино урлагаа мундаг хөгжүүлж чадсан. Үндэсний хэмжээний том кино хийвэл дэлхийн тавцанд маш хурдан гарах боломж бидэнд бий. 

-Манай жүжигчид ур чадварын хувьд хэр вэ?

-Дэлхийн хэмжээнд дутахгүй шүү. Алтан үеийн мундаг жүжигчид байсан, тэд­ний дараагийн үе, одоогийн үе гээд байна. Манай Амараа Холливудад гарч кинонд тоглож байгаа. Анхням гэхэд Азид гарсан. Монголын жүжиг­чид  мундаг байгаагийн л илэрхийлэл. 

-Амжилттай явж байгаа урлагийн хүний ар гэрийг авч явж байгаа эзэгтэй нар их мундаг байдаг. Гэр бүлийн хүнээ танилцуулаач?

-Мэдээж тэгэлгүй яахав. Эхнэрийг маань Г.Амарсанаа гэдэг. Их сайн бүсгүй бий. Номин-Эрдэнэ, Амин-Эрдэнэ гээд хоёр охинтой. Бага нь нэгдүгээр анги, том нь долдугаар анги. 

-Гэрийнхэндээ хэр цаг зав гаргаж байна?

-Боломж гарвал л  зав гаргахыг боддог. Би  их гэрсэг хүн. Бага байхад аав, ээж хоёр ажлаасаа ирэхэд  гэр дүүрээд явчихдаг байсан. Бид хичээлээсээ ирээд л цүнхээ шидэж аавынхаа өвөр дээр суугаад  эрхэлж гардаг байлаа. Аав маань хоймортоо дээлээ нөмрөөд зурагтаа үзээд сууж байдагсан. Ийм  сайхан гэр бүлийн нөмөр нөөлгөнд өссөн болохоор тийм орчныг гэртээ бүрдүүлэхсэн гэж хүсдэг. Тиймээс цаг гарвал л гэртээ ирээд  суучихдаг. Хүүхдүүд маань эрхлээд салахгүй шүү дээ. 

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Өмнөговьд “Оюу толгой”-н ханган нийлүүлэгчид чууллаа

Дэлхийн хэмжээний томоохон бүтээн байгуулалт  болох “Оюу толгой”-н баяжуулах үйлдвэр дээр очоод ирлээ. “Бумбат” нисэх онгоцны буудалд буусныхаа дараа кэмп рүү хөдлөв. Биднийг тосч авсан хөтлөгч  унаанд суумагц бүсээ зүүхийг сануулж сайтын байрлалыг  тайлбарлав. Оюу толгойн бүсэд нэвтрэхийн тулд хүн бүр аюулгүй ажиллагааны сургалтад суух үүрэгтэй.  
Биднийг очсон өдөр ханган нийлүүлэгчдийн аюулгүйн ажиллагааны гуравдугаар форум эхэлсэн юм. Уг форумыг хагас жил тутам зохион байгуулдаг аж. Энэ удаагийн форумд 150 орчим хүн оролцлоо. Зуу гаруй нь “Оюу толгой”-той гэрээтэй ажилладаг компаниудын төлөөлөл бол 50 орчим нь “Оюу толгой”-н ахлах менежерүүд аж.
“Оюу толгой”-н ханган нийлүүлэгч болохын тулд “Рио тинто” компанийн болон Монгол Улсын хууль дүрмийг дагаж, шаардсан бүх стандартыг хангах учиртай юм байна.” Тухайн компанийн бүх түүхийг  харж байж сонгох эсэхээ шийддэг” гэж Оюу толгой ХХК-ийн ерөнхий менежер Марк Слатер онцоллоо.
Форумын үеэр  гэрээт компаниуд хийсэн ажлуудаа танилцуулдаг аж. “Моннис” компани  ажилчдынхаа эрүүл мэндэд хэрхэн анхаарч байгаагаа танилцуулсан бол “Оюу толгой”-г байгуулагдсанаас нь хойш хамтарч ажилласан “Бамбай секурити сервис” ХХК-ийн дэд захирал П.Мягмарсүрэн нийт ажилчид, ханган нийлүүлэгчдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилладгаа ярьсан юм. Өнгөрсөн онд “Оюу толгой”-н шилдэг ханган нийлүүлэгч болсон тус байгууллагаас тус газар 670 хүн ажилладаг аж. “Оюу толгой”-д өнгөрсөн жил 2336 компани ханган нийлүүлэгчээр ажиллаж 1.4 их наяд төгрөгийн орлоготой ажилласан байна.
“Оюу толгой”-н бүрэн авто­мат ундны усны үйлд­вэртэй танилц­лаа. “Energy international” компанийнхан 400 мет­рийн гүний усыг цэвэр­шүүлж эрдэсжүүлж гар­гадаг болжээ. Гүний усны давслаг байдал  нь малчдын уудаг уснаас  тав дахин их байдаг аж. Энд эрдэсжүүлсэн цэвэр усаа 18.5 литр баллоноор савлан гаргадаг. Уг үйлдвэрийн хүчин чадал нь 60 метр куб аж. “Оюу толгой” хоногт 500 метр куб ус ашигладаг гэнэ.
Оюу толгойн кампус руу орохын өмнө Соёлын өвийн гэр хэмээх найман ханатай гэрийг сонирхов. Дотор нь дээр үеийн гал тогооны гуулин эдлэлүүд өржээ. Нутгийн хэдэн хөгшчүүл гэрт сууцгаажээ. Биднийг ормогц ингэний хоормогоор дайлж говийн соёлын талаар яриа өрнүүлсэн юм. Энэ гэрт  нутгийн хөгшчүүд ээлжлэн сууж ирсэн хүмүүст говийнхоо соёлыг танилцуулдаг гэнэ. Гадаадаас ирсэн зочид энэ гэрээр заавал орж, говийн соёлтой танилцан зургаа татуулдаг гэсэн. Энэ нь “Оюу толгой”-н хэрэгжүүлж буй  соёлын өвийн томоохон төслийн нэг аж.
“Оюу толгой”-н уурхайд хүнд даацын 28 машин ажилладаг юм байна. Нэг машин гэхэд л 250-300 тонн хүртэлх ачаа ачих чадалтай. Ганц дугуй нь л гэхэд 10-25 мянган ам.долларын үнэтэй. Дугуйны өндөр нь 3,6 метр, нэлээд биерхүү хүн хажууд нь зогсоход жижигхэн харагдах юм. “Оюу толгой”-г сонирхох гэж ирсэн хүмүүс энэ аварга дугуйны хажууд зургаа авахуулдаг жишиг бараг л тогтчихож. Энэ аварга машинуудыг  засах зориулалтын гараашийг ч  барьжээ.
Одоогийн байдлаар ил уурхайд 120-130 метр гүнтэй тойрог үүсчээ. Эндээс хүдрээ олборлож баяжуулах үйлдвэр рүүгээ зөөнө. Ажилчид нь 24 цагаар өглөө оройн ээлжээр ажилладаг гэнэ. Хоногт 220 мянган тонн хүдрийн баяжмал  олборлож байгаа юм байна. “Тойргийн гүний урт 570-580 метр явна гэсэн тооцоотой ажиллаж байгаа” гэж Уурхайн олборлолтын ахлах ажилтан С.Гантогтох хэллээ. Ил уурхайд долоо хоногт хоёр удаа тэсэлгээ хийдэг гэнэ. Өдрийн ээлжинд зуугаад хүн, шөнийн ээлжинд 70-80 хүн ажилладаг байна. Ил уурхайгаас өдөрт 100 мянган тонн хүдэр олборлож анхдагч бутлуур руу зөөдөг аж. Одоогоор “Оюу толгой”-н далд уурхайн ажиллагаа зогссон ч  бүтээн байгуулалтынх нь ажил удахгүй эхэлнэ гэдэг итгэж байгаагаа төслийнхөн хэлж байв.
Сонирхуулж хэлэхэд, Оюу толгойн үйлдвэрийн хэтийн төлөвийн тухайд компани үйлдвэрлэлийн хэмжээгээ нарийн зохицуулж, шаард­лагатай үед хэрэглэгч­дийнхээ захиалгад нийцүүлэх замаар 2014 оны эцэс гэхэд нөөцийн хэмжээгээ хэвийн түвшинд хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ онд нийт 135.000-160.000 тонн баяжмал дахь зэс, 600.000-700.000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Анхдагч бутлуур руу очсон хүдэр баяжмалын үйлдвэрт туузан дамжуургаар дамжин хүрдэг байна. Хэд хэдэн дамжлагад орж бутлагдсан хүдэр хөвүүлэн баяжуулах  хэсэгт ирнэ. Хөвүүлэн баяжуулах хэсгээс гарсан баяжмал  агуулах руу ачигддаг. Эцсийн дамжлага нь баяжмалаа савлах. Ингээд л тус бүртээ  хоёр тоннын баяжмалтай том шуудайнууд агуулахаас урд хөрш рүү ачигддаг байна. Зэсийн баяжмалын анхны экспортын хэмжээ нь 5800 орчим тонн байжээ. “Монголд үйлдвэрлэв” шошготой 576 тонн зэсийн баяжмал ачсан 16 машины цуваа гарч байжээ. Энэ онд 692 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаагаас одоогийн байдлаар 98.3 мянган тонныг нь үйлдвэрлээд байгаа юм байна. Он гарснаас хойш долоо хоногт 6000 орчим тонн баяжмал экспортолжээ.
“Оюу толгой”-н эрүүл мэндийн паспорт гэж гарснаас хойш ажилчдын 1300 орчим хүн ийм паспорттой болжээ. Энэ хүмүүст эрүүл хоол­лол­тын сонголт хийж өгдөг гэнэ. Тэнд “SOS” эмнэлэг ажилладаг аж. Нэг ээлжинд нь 36 хүн ажилладаг аж. Тус эмнэлэгт өдөрт 50-80 хүн үзүүлдэг байна. Ажилчдын 48 хувь нь 21-35 насныхан, 50-иас дээш насныхан хоёр, гурван л хувийг эзэлдэг учраас архаг хууч өвчтэй хүмүүс бага байдаг аж. Сонирхуулж хэлэхэд “Оюу толгой”-д  сэтгэл зүйч тусгай гэрт байрлан ажилладаг болжээ.
Биднийг буцах өдөр говьд бороо орлоо. Төслийн ажилчид “Одоо л зун болж байна” хэмээн олзуурхах нь тэр. “Бумбат” нисэх онгоцны буудалд ирэхэд өглөөнөөс хойш орсон бороо ширүүсч говь нутгийн хөрсийг чийглэсээр үлдсэн юм.

С.Ариунжаргал

Categories
редакцийн-нийтлэл

Гоо сайханчид нүүр хувиргадаг болсонд эмзэглэдэг

-НҮҮР ХУВИРГАЛТ БОЛ НЭГ ХҮН ДЭЭР ЦОО ШИНЭ ӨӨР ХҮНИЙГ БИЙ
БОЛГОДОГ УРЛАГ-

Монголын уран сайхны олон сайхан
кинонд нүүр хувир­гагчаар
ажиллаж үзэгч­­­дийн сэтгэлд хоногш­сон олон дүрийг “зурсан” киноны нүүр
ху­вир­гагч  Д.Дагир­маа­тай ярилцлаа. Тэрээр одоо СУИС-ийн
Радио теле­визийн сургуулийн нүүр хувиргалтын багшаар ажил­лаж байгаа
аж. 

-Нүүр хувиргалтыг манайд хэзээнээс хийж эхэлсэн бол. Шороотын
Цэвээнээс хойш уу, эсвэл түүнээс өмнө үү?

-1921
оны үед “Улаан гэр” байгуулагдахад манайд тайзны урлаг бий болсон. Тэр
үеэс л бүх
дүрд тохирсон нүүр хувиргалт хийх шаардлага гарч ирсэн л дээ. Найруулагч
зохиолын
дагуу жүжигчдээ сонгодог. Жүжигчин зохиолын дагуу дүрээ гаргана. Дүр
бүтээж байгаа
жүжигчнийг үзэгчдэд гадна талаас нь харуулахын тулд  нүүр хувиргагч
ажилладаг. Энэ ажлыг  нүүр хувиргагч гэж тусдаа  мэргэжил эзэмшсэн
хүмүүс хийдэг. 

-Та анх ямар кинонд нүүр хувиргаж байсан бэ?

-Би
мэргэжлээрээ 37 жил ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл өөрийгөө  суралцсаар яваа гэж боддог. Кино үйлдвэрт ороод
ажилласан  анхны кино маань  “Суварган цэнхэр уулс” байсан. “Суварган цэнхэр
уулс” киног уг нь  түрүү жил нь хийсэн байсан
юм.  Хүйтрээд түр зогсоод  зун нь дахиад зурганд явахад би нүүр хувиргагчаар
явж байлаа. Азтай тохиол болсон.

-Хэчнээн кинонд нүүр хувиргагчаар ажилласан бэ?

-Тоолж
үзээгүй юм байна шүү. “Суварган цэнхэр уулс”-ы дараа Жигжид гуайн “Өнөр бүл”, Дагнаадорж
гуайн “Хүний сайхан сэтгэл”, Бунтар гуайн “Ирж яваа цаг”, “Галын үр сад” гээд хоёр
гурван кинонд хамтарч ажилласан. Сэлэнгэсайханы “Илүү сартай зун”-д бас нүүр хувиргасан.
Балжинням гуайн “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Мандухай сэцэн хатан” кинонууд, Доржпаламын
“Мөнгөн буйл” гээд яривал олон кино бий.

-Таны ажилласан киноноос хамгийн урт хугацаанд үргэлжилсэн
нь ямар кино вэ?

-“Мөнх
тэнгэрийн хүчин дор”, “Мандухай цэцэн хатан” кино хамгийн урт үргэлжилсэн. Уртдаа
хоёр, гурван сар болно л доо. Хамгийн доод хугацаа нь гэхэд л сар гарна. Дараагийн
кино үргэлжилбэл шууд явах тохиолдол ч гардаг байлаа.  Бүтэн жилийн хугацаанд гэртээ байсан нь цөөхөн
дөө.

-Түүхэн кинонд нүүр хувиргагчаар ажиллахад ажиллагаа их байдаг
уу?

-Тэгэлгүй
яахав. Сахал, хиймэл үснээс эхлээд хийх юм ихтэй. Парик, сахал гэхэд л тухайн үеийнх
нь онцлогийг гаргаж хийнэ. “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд л гэхэд  Чингисийн үед амьдрал ямар байсан, Хуагчин ямар
дүр төрхтэй хүн байсан, Чингис хаан ямар сахал үстэй, ямар характертай хүн бэ гэдгийг
зураачид судлаад гаргачихсан байдаг. Тэр бүрт тааруулж  нүүр хувиргалт хийнэ. Тухайн нийгэм, цаг үеийг
гаргахын тулд  судалгаа их хийнэ. Жишээ нь
наяад оны үйл явдал өрнөж буй киног хийхийн тулд тухайн үеийн үс самналт ямар байсан,
хүүхнүүдийнх нь нүүр будалтын онцлог, уруулаа ямар өнгөөр буддаг байсныг нь хүртэл
судална. Жараад онд гэхэд л хүүхнүүд нүдний төгсгөлөөс дээшээ татах маягаар нүдээ
буддаг байсныг мэдэж байж л нүүр хувиргана. 

-Будгаа хаанаас яаж бэлддэг вэ. Тусдаа зориулалтын будаг гэж
байх уу?

-Мэргэжлийн
будаг гэж байдаг юм. Одоогийн зургийнхан өтгөрүүлсэн шавар шиг крем ашиглаад байгаа
харагддаг. Үндсэн суурь нь 21, 22, 23 гээд байдаг. Уг нь бол тийм биш. Сууринд л
гэхэд маш олон төрлийн номертэй өнгөнүүд байдаг. Нэг хүний арьсан дээр маш олон
өнгийн арьс бий. Хацар нь улаан, шанаа нь шар, дух нь бор тэр бүгдийг өөрөөр будаж
байж жигдхэн нэг өнгө болгоно. Зураач цаасыг жигдхэн талбайтай болгож байж зургаа
зурдагтай л адил.

-Зураач гэснээс нүүр хувиргагчид зургийн авьяастай байж үзэгчдийн
сэтгэлд хүрсэн дүрүүдийг “урладаг” байх?

-Өнгө
гэрэл, сүүдрээ ялгаж хардаг зургийн ур чадвартай хүн нүүр хувиргагчаар ажиллана
л даа. Нүүр хувиргагч гэдэг бол нэг хүн дээр бас нэг өөр хүн бий болгодог урлаг.
Авъяастай байж л  тэр дүрийг гаднах төрх талаас
нь бүтээнэ.  Тэгж байж зохиолд өгсөн дүрийг
амилуулна. Жүжигчин Төмөрбаатар, Сүххуяг хоёртой  нэг кинон дээр ажиллалаа гэхэд дараагийн  уран бүтээл дээр тэднийг  өөрөөр 
гаргах ёстой. Үүн дээр л нүүр хувиргагчийн ур чадвар  гарч ирдэг. Жүжигчид тоглох дүрийнхээ судалгааг
хийсэн байдаг шиг нүүр хувиргагчид  бас дүрийн
судалгаа хийж жүжигчиндээ ямар будалт тохирохыг 
мэдэрч ажилладаг. Нэг мэнгэ хийх үү, үрчлээ гаргах уу гэдэг хүртэл  тухайн хүний характераас шалтгаална. Жаргалсайхан
Чингисийн дүрд тоглохдоо Хасараараа тоглож болохгүй шүү дээ.  Нэг жүжигчинтэй хоёр, гурван кинонд дараалаад
ажиллалаа гэхэд зан чанарт нь  тохируулж дүрийг
нь хувиргаж,  дотоод сэтгэлийг гадаад төрхөнд
нь гаргаж өгөх ёстой. Тэгж байж л жүжигчин урьд дүрээсээ зугтаж, өмнөх дүрээсээ  ялгаатай болдог. Нүүр хувиргагч сайн байх нь ур
чадвар л даа. Найруулагч сайн байгаад, жүжигчин сайн байсан ч дүрийн  гадаад үзэмж хүнд наалдахгүй бол тохиромжгүй харагдана.
Тэгэхээр нүүр хувиргагч дүрээ харж, мэдэрч дотор нь орох ёстой.

-Жишээ нь та дүрийн судалгааг яаж хийдэг вэ?

-Нэг
бүсгүй кинон дээр залуу, хөгшин, өвдсөн, сүүлдээ нас эцэслэж байгаагаар гарлаа гэхэд
тэр бүхнийг нь гадаад төрхөөр нь харуулах ёстой. Үхэж байгаа хүний арьсны өнгө ямар
байх вэ гэдгээс эхлээд л судалгаа хэрэгтэй. Би нас барсан хүн дээр очоод салах ёс
хийхдээ ч өөрийн эрхгүй арьсны өнгө нь ямар байна гэж хардаг зуршилтай болчихсон.
Зарим нь зүгээр унтаж байгаа юм шиг арьстай байна. Хордож үхсэн хүний арьс гэхэд
ямар өнгөтэй болдгийг ажна. Хүний мууд дурлаад хараад байгаа хэрэг биш л дээ. Зүгээр
байж байсан хүнд хор өгөөд алчихсан бол тэр хүний арьс ямар байх ёстой юм гэдгийг
нүүр хувиргагчид мэддэг байх ёстой. Гадаадын кино үзэж байсан ч арьсны өнгийг нь
харна. Тэд ч бас алдаа гаргасан байдаг. Сүүлийн үеийн солонгос киног үзэхээр  будаг л харагдаад байх юм. Уул нь тэр дүр, хүн
л харагдах хэрэгтэй.

-Та дууны клипэнд нүүр хувиргаж байсан уу?

-“Номин
талст” хамтлагийн Батсүхийн хоёр ангитай клипний будалтыг би хийсэн юм. Хоёрдугаар
ангидаа гол дүрийн бүсгүй гоо сайхны хагалгаанд ороод гарч ирдэг. Тэр болгоныг би
гэмтлийн эмч нараас асууж хийдэг, голдуу гарах өнгийг нь сонирхдог юм. Тархины гэмтэлтэй
хүн нүд нь чернилин ягаан өнгөтэй болдог гэсэн. Мэдээж бас  давхраа хийлгэсэн хүн чинь зүсэлт хийсэн учраас
өнгө нь хувираад хөх болно. Тэгж будсан будалтыг маань сүүлд “Х түц”-ийнхэн нүдээ
хар хөх болгоод дуурайсан байна лээ. Хошигноод байгаа юм уу, яагаад юм ойлгоогүй
л дээ. Урлагийнхан нүүр хувиргах урлагийг ойлгодог л байх хэрэгтэй.

-Кино үзэж байхад сорвийг жинхэнэ мэт гаргасан байдаг. Сорвийг
яг  яаж гаргадаг вэ?

-Сорви
дотроо олон янз л даа. Сорви байх уу, шарх байх уу гээд. Дэлгэц дүүрэн цус гаргаад
байх нь сонин уу, үгүй юу, ямар кино вэ гэдгээсээ бас шалтгаална. Яг яаж хийхийг
найруулагчтайгаа ярьж байж  нүүр будалтаа
хийнэ. Найруулагч аль өнцгөөр харж байгаагаас 
болно. Зарим нь цус гаргамааргүй байна гээд үхэжсэн сорви гаргах үе ч бий.
Сорвийг энгийнээр хэлбэл резинэн маск тавиад уусгаж будаж гаргадаг юм.

-Кинон дээр залуу хүнийг 
хөгшин болгож,  хөгшин хүнийг залуу
болгосон байдаг. Хорьтой залууг жартай хөгшин болгох тохиолдол гарч байсан уу?

-Тийм
тохиолдол гаралгүй яахав. “Хүний хүү”-гийн нэг залуу бий. Дөнгөж 30-тай хүнийг
60 гаруй насны хөгшин болгож байлаа. Бөртэ хатны дүрд тоглосон 20 гаруй настай бүсгүйг
60 гаруй  настай болгосон тохиолдол бий.
“Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд Чилүгэний дүрийг гаргасан Сүххуягийг хувиргах
бас л хэцүүхэн байсан. Сүххуяг өөрөө нүд нь гэрэлтсэн их цогтой хүн. Тэр нүдний
галыг бууруулах гэж будалтан дээрээ анхаарна. Бас өөрөө сайн жүжигчин учир түүнийг
дарах зэргээр хамтарч ажиллана шүү дээ. 

-Тайзны нүүр будалт, киноны нүүр будалт ялгаатай юу?

-Будалтын
хувьд ялгаа бий. Киноны будалт хальсан дээр буух учир будсан ч будаагүй юм шиг яг
төрөлхөөрөө мэт байх ёстой. Үзэгчдэд хүрэх орон зайн хувьд ч өөр. Тайзных бол  эхний суудлаас арын суудал хүртэл харагдахаар
хэмжээнд байх ёстой. Тиймээс дэлгэцийг бодоход арай гүн зузаан будах ёстой. Эрдэнэтэд
очиж хоёр, гурван жүжигт  ажиллаж үзсэн. Үнэхээр
гоё бодитой, тосон будгийн зураг шиг буддаг юм билээ.Төмөрбаатар, Гоош гуай хоёр
очсон байсан юм. Төмөрөө миний будалтыг “Ёстой сайхан болсон байна” гэж хэлэхэд
их урамшсан. Гоош ах чинь их мундаг зураач. “Гайгүй болжээ” гэхээр нь баярласан
гэж жигтэйхэн.  Хорхойсмоор санагдсан. Тайзан
дээр ажиллаж сурахаар дэлгэцийн урлагаас хөндийрч магадгүй санагдсан. Харагдах талаасаа
чамлаад байдаг юм билээ. Жишээ нь, Драмын театрынхан кинонд ирээд тоглохоор энийгээ
тод хийгээч гээд байдаг.

-Таныхаар гадны киноны нүүр хувиргалтын тэр л их аятайхан
хувиргасан, онцгой ч юм уу гэж бодсон дүр байдаг уу?

-“The
Curious Case of Benjamin Button” гээд кино бий. Анх төрөхдөө хөгшин хүн байж байгаад
том болох тусмаа залуу болоод байдаг. Тэрний гүйцэтгэл нь их сайн. Хөгшрөлт л байгаагаас
хойш резинэн маск хэрэглэсэн байх. Нүүр хувиргагч нь ур чадвартай байна даа гэж
бодож суусан. Бас “Аватар” их сонирхолтой санагдсан. Мэдээж компьютерийн аргаар
хийсэн байх л даа.

-Тохиромжгүй будалт хийвэл ямар харагдах бол. Жүжигчин нь
дүрээ аваад явахгүй гэж үү?

-Гоо
сайханчид киноны нүүр хувиргагч гээд яваад байх юм. Энэ хоёр чинь их өөр.  Нүүр хувиргагч чинь тусдаа мэргэжил. Өөрөө сонирхдог
байж болно. Суралцаад, чаддаг болчихоод хийх ёстой. Хойч үе минь зөв бэлтгэгдээсэй
л гэж бодож байна. Найруулагч, зураглаачид 
ч мэдрэмж алга. Буруу будалт хийх нь их муухай харагддаг. Чадварлаг жүжигчин
аваад явна л даа. Гэхдээ хөдөөний охин ч юм уу, дээр үеийн хүүхэнд орчин үеийн будалт
хийж нүдийг нь олон өнгөөр солонгоруулж будаад, хөмсгийг нь тодруулж,  уруулыг нь час улаанаар будчихаад саалийн хувин
бариулаад алхуулахаар ямар харагдах вэ.  Тэгсэн
хэрнээ энгэр заам нь хир даг болчихсон дээлтэй. Энэ л киноны утгыг эвдээд хаячихдаг.
Тэнд ажиллаж байгаа зураач, зураглаач, найруулагч, ахуйг бэлдэж байгаа зураач гээд
бүх хүний ажлыг балладаг. Гэхдээ дан ганц нүүр хувиргагчид буруу өгөх аргагүй зүйл
ажиглагдаж байна. Жүжигчид нь би хөөрхөн гаръя гэж бодоод байх шиг байна. Хөөрхөн
юманд хууртаж болохгүй. Дүр буюу хүн л гарах ёстой.

-Сүүлийн үед нүүр хувиргагчаар дандаа гоо сайханчид ажиллаад
байгаа гэж ойлгож болох уу?

 -Тэгж ойлгож болно.  Гоо сайханчид нүүр хувиргагч юу хийх ёстой вэ,
ямар зорилготой вэ гэдгийг мэдрэхгүйгээр ажиллаж болохгүй л дээ. Гэтэл өнөөдөр зөвхөн
мөнгөний төлөө л ажиллаж байна. Нүүр хувиргагчид мэргэжлийн үнэмлэхтэй байдаг. Бид
шалгалт өгөөд нэг, хоёр, гуравдугаар зэрэг аваад мастер болдог юм. Монгол кинонд
ажиллаж байсан, драмд ажиллаж байгаа хүмүүс 
зэрэглэлээ авах гэж их хичээдэг. Хичээж ажилласаар ирсэн. Тэр их хөдөлмөрийг
зүгээр нэг пудр тавиад болчихдог гэж бодвол том андуурал. Киног тэгж доош нь хийж
болохгүй. Нэг зураас тэгшхэн зурж чадахгүй, өнгө ч ялгахгүй, хоёр өнгө холиод нэг
өнгө гаргаж чадахгүй хүмүүс нүүр хувиргаж энэ мэргэжлийн үнэ цэнэ, нэр хүндийг гутааж
байгаад эмзэглэдэг.

-Та хэддүгээр зэрэгтэй вэ?

-Би
гуравдугаар зэрэгтэй. Зэрэг нэмэхэд тодорхой хэмжээний цаг хэрэгтэй. Мэргэжлийн
шалгалт авна. Би 12 жил ажиллахад үсрээд 15,16 кинонд л ажилласан. Кино үйлдвэр
жилд долоо, найман кино гаргадаг байсан. Он дамнаад хийхээр 10-аад кино гаргана.
Кино бүрд би ажиллахгүй. Жилд хоёр, гурван кинонд л ажиллаж амждаг байсан гэхээр
нүүр хувиргагч хэр хөлс хүч шаардсан хөдөлмөр гэдэг нь ойлгомжтой болох байх. 

-Нэг кинонд ганц нүүр хувиргагч ажилладаг уу, эсвэл…?

-Киноны
даацаас шалтгаална. Хоёр, гурав, бүр дөрвөн хүн ч ажиллах үе гарна.

-Танай гэр бүлээс урлагийн хүн бий юу?

-Манайх
гэр бүлээрээ урлагийнхан. Аав зураач. Ээж сайхан дуулдаг, гайхалтай
уран  хүн байсан. Том ах маань 1968 онд телевиз үүсэхэд  тулгын чулууг
нь тавилцсан. Нямсүрэн гэж хүн бий.
Бага ах маань инженер мэргэжилтэй хэрнээ их сайхан дуулна. Эгч маань
надтай адилхан
нүүр хувиргагч.  Бадамцэрэн гэдэг юм. Аавынхаа
“Хүн чамайг магтвал хөөрөх биш өөрийнхөө алдааг олж хар. Дараагийн удаа
алдахгүй
л байх ёстой” гэсэн үгийг амьдралынхаа зарчмаа болгож ирсэн. Аавын минь
тэр үгийн
гол утга нь чанараас чанарт том философи байсныг ухаарсан. Би  хоёр
хүүтэй. Хоёулаа хуульчид. Хуульчид хэрнээ
“Star fish” гээд амьд хөгжмийн хамтлагтай. 
Нэг нь бөмбөр, нэг нь басс гитар тоглодог.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
редакцийн-нийтлэл

Ч.Уранхолбоо: Гэр бүлээ бодоод зодог тайлахаар шийдээд байгаа

-НАМАЙГ
ЖИРЭМСЭН БАЙХАД ХЭН Ч АНЗААРААГҮЙ, ГЭДЭС МААНЬ ҮЛ ЯЛИГ Л ТОМОРСОН-

Ч.Уранхолбоо буюу хүмүү­сийн мэддэгээр “Гала” хамт­ла­гийн Анутай
уулзаж амьдрал уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

  -Сүүлийн үед таны талаар хүүхдээ өөрөө тээгээгүй, тээгч эх хөлсөлсөн
гэсэн шуугиан дэгдсэн. Энэ яриан дээр тайлбар 
өгөөч?

-Би Хятадад хэлний бэлтгэлд сурч байхдаа хүүхэдтэй болсон юм л
даа. Бээжинд байхдаа  фэйсдээ авахуулсан зургаа
хийгээгүй. Яг өнөөдрийн түвшинд Монголд тээгч эх хөлсөлсөн хүн байхгүй. Би тээгч
эх хөлсөлж хүүхдээ төрүүлээгүй.  “Гурван гал”
эмнэлэгт төрсөн. Бээ­жинд байхдаа сар болгон ирж хяналтанд ордог байсан. Уг нь гадуур
зөндөө л явж байсан. Хү­мүүс өөрсдөө л намайг анзаараа­гүй ш дээ. Би туранхай болохоор
гэдэс маань үл ялиг л томорсон. Дандаа урт, нэлэмгэр  даашинз өмсдөг байсан учраас тийм сүртэй мэдэгдээгүй
байх. Долоон сартай жирэмсэн байхдаа Америкийн Лас Вегаст гала концертонд тоглосон
юм. Жирэмсэн хүн их эмзэг байд­гийг тэр үед илүү ихээр мэдэрсэн. Цагийн зөрүүнд
орчихоор үнэхээр ядардаг юм билээ. Ингэж л ядарс­наа мэдэрч байснаас биш бусад үед
бол идэвхтэй ажилласан. Жин нэмээгүй маань тэгж их ажилласан­тай холбоотой байх.
Жирэмсэн байх үедээ хүмүүс хэвтээд байдаг. Би үүнийг буруу гэж боддог.  Хүүх­дэ­дээ ачаалал өгөхгүйгээр хийж болох ямар
ажил байна хийх л хэрэгтэй.  Одоо би жаахан
ядарсан царайтай харагдаж байгаа байх. Хүүхдээ хараад ажлаа хийгээд байгаа болохоор
их ядардаг юм байна.

-Нөхөр чинь эндээ байгаа юу. Та хоёр Бээжинд хамт сурч байсан
байх аа?

-Манай нөхөр ирчихсэн байгаа. Сайн эхнэр болох гээд жаахан ачаалалтай
л байна /инээв/. Надад ер нь амрах цаг бага байдаг. Хам­гийн сайн амарч болох, гэр
бүлээ хайрлаж, гэр бүлдээ цаг гаргаж,  өөрийгөө
анхаарах үе жирэмсэн байх хугацаа юм билээ. Миний нөхөр намайг жирэмсэн байхдаа
бондойсон хөөрхөн цав цагаан байсан гэж хэлдэг юм. Дахиад хэлэхэд би тээгч эх хөлслөөгүй.
Эрүүл саруул эмэгтэй хүн юу гэж тэгэх вэ дээ.

-Кесерово хийлгэсэн үү, өөрөө­рөө төрсөн үү?

-Охин маань сүүлийн сард байр­лалаа өөрчилчихсөн байсан учраас
кесерово хийлгэсэн. “Тод дэлгэц” эмнэлгийн Мөнхбаатар эмч дээр сар болгон хяналтанд
явж байсан. Бүгд хэвийн байснаа төрө­хөө­сөө долоо хоногийн өмнө очоод  үзүүлсэн чинь ургийн байр­лал солигдсон байсан.
Ингээд л хагалгаа хийлгэхээр болсон. Одоо охин маань долоон сар хүрэх гэж байна.
Хүүхдээ төрүүлсний дараа  эмэгтэй хүн байх
ямар сайхныг илүү их мэдэрдэг юм билээ. Их л эмзэг, зөөлөн уян болдог юм билээ.
Миний охин чинь намайг хөглөсөн  эрдэнэ байхгүй
юу.

-Хүүхдээ төлөвлөж байсан уу. Нэрийг нь хэн өгсөн бэ?

-Хүүхэд төлөвлөгөөгүй гэнэт л бэлэг болоод ирсэн. Би өөрийгөө
хоёр сартай жирэмснийг  мэдээгүй явж байсан.
Зураг авалтанд орж, Бээжингийн паркад тоглосныхоо дараа л мэдсэн. Тэгээд  эмчээс зүгээр эсэхийг асуухад санаа зоволтгүй
гэсэн. Охины маань нэрийг аав нь өгсөн. Хатангоо гэдэг. Одоохондоо бид бүжин гэж
дуудаж байгаа. Охиноо хэл амнаас хам­гаалж олонд таниулахаас татгал­заж байсан л
даа. Түү­нээс биш дэлгэвэл дэлгэнэ шүү дээ. Тэгээд ч манайд шоу ертөнц хөгжөөгүй.

-Тээгч эх хөлсөлсөн гэх яриа гарах үед нь няцаалт хийж болоогүй
юм уу?

-Хүүхдээ төрүүлээд удаагүй байхад хүүхдээ өргөж авсан, тээгч эх
хөлсөлсөн зэргээр их ярьж эхэлсэн л дээ. Хүүхэд төрүүлсний дараа эмэгтэй хүн их
эмзэг болдог юм билээ. Намайг яагаад ингээд байдаг юм бэ гэж сэтгэлээр бага зэрэг
унаж байсан тал бий. Манай нөхөр харин тоогоогүй. “Чамайг хар багаас чинь л ингэдэг
байсан ш дээ. Аавын чинь найзтай холбодог, ажил хэргийн хамтрагчтай чинь харддаг,
менежертэй чинь харддаг байсан. Тиймээс ийм ярианд санаа зовох хэрэггүй” гэж хэлсэн
л дээ.   Бодоод байхад тийм юм шиг санагдаад
тоолгүй орхисон.

-Нөхрийнхөө талаар яриач, хэр халамжтай вэ?

-Би сайн найз болж чадахаар хүнтэйгээ гэрлэсэн. Түвшинбаяр гэдэг
юм. Бээжинд олон улсын харилцаагаар мастер хамгаалж  байгаа учраас ажил хийхгүй байгаа. Гэр бүлийн
жижиг бизнес эхлүүлсэн маань хэрэг болж байна.  
Би нөхрийнхөө хажууд жаахан охин шиг байдаг. Миний хань намайг эрх жаргалтай
гүнж болгож чаддаг. Би чинь энд тэнд зааварчи­лаад л явж байдаг хүн. Хүүхэдтэй болохоор
харилцаа илүү дотно болдог юм байна. Хувцаслалтад минь зөвлөгөө өгнө. Сонсож бай­гаа
хөгжимд минь ч санаагаа  хэл­дэг. Өмнөөс минь
сэтгэж, миний төлөө баярладаг сайн залуу бий. 

-Уран бүтээлийн сайн туслагч гэхээр хөгжмийн мэдрэмжтэй залуу
байх нь ээ?

-Хөгжмийн мэдрэмжтэй шүү. Хайраа ийм транс гарч, ийм юм хөгжиж
байна,  тийм гоё дуу гарсан байна, энийг сонс
доо гэнэ. Сонсох­гүй, хоолоо хийгээдхэе гэхээр “Хоёрхон минут өөртөө зарцуул­чих.
Сонсохоор шар үс чинь босно” гэж ирээд ятгана. Санал болгосон хөгжмийг нь сонсгохоор
үнэхээр л тийм байдаг. Хөгжмийг их гоё мэдэрч сонсож чаддаг.

-Сургуулиа хэзээ төгсөх вэ. Цаашдаа ямар уран бүтээл хийх гэж
байна?

-Энэ зун сургуулиа төгсөнө. Төлөвлөгөө их байна. Намайг урлагаар
их олон жил ажиллана гэж хүмүүс  бодож байгаа
байх. Би тэгье гэж бодохгүй байгаа.  Удахгүй
зодог тайлна. Урлагийн амьдрал маш богинохон. Карьер хөөлөө гэхэд л арваас хорин
жил л үргэл­жил­нэ. Гэтэл гэр бүлийн амьдрал багаар бодоход 40-50 жил үргэл­жил­нэ
шүү дээ. Урлагийн амьдрал  цаг наргүй байдаг.
Завгүй яваад байвал миний хоёр орхигдоно. Цаашдаа цаг гаргаж ахиад хоёр хүүхэдтэй
болмоор байна. Урлаг их энергийн урсгал. Дандаа л ярианы сэдэвт байдаг. Урлагаас
бага зэрэг хөндийрч  тайван амьдармаар байна.
Гэр бүлийн бизнесээ өргө­жүүл­мээр байна. Хааяа хааяа гоё уран бүтээл хийнэ л дээ.
Гэхдээ ашгийн төлөө биш. Шинэ жилд зориулж дуу гаргамааргүй байна. Харин нэгийгээ
муулмааргүй бай­на, урагша хараад өөрийгөө хөг­жүүлье гэсэн  мессежийг дуугаараа хүмүүст хүргэе гэж бодож байгаа. 

-“Гала”-гийн Анугаар танигд­сан тэр үеэ эргэн дурсаач. Болороо
та хоёр  тухайн үед содон стильтэй байсан
шүү?

-Намайг  яах аргагүй “Гала”
хамтлаг олны танил болгосон. Яг олонд танигдсан цаг үе бол 2005 оноос хойшхи үе.
16 настай ерөн­хий боловсролын сургуульд сурдаг хоёр охин хүсэл сонирхол нэгдээд
нэг хамтлаг байгуулж байсан үеэ эргээд дур­сахаар сайхан байдаг. Тухайн үед дэлхий
нийтээр элект­рон хөгжим шинээр гарч ирж бай­сан. Тэр үед “Гала” хамтлагийн хөнгөн
хэмнэл­тэй дуу залуучуудын хэмнэлийг  илэрхийлж
чадсан юм болов уу гэж боддог. Болороо гэж охин байсан болохоор би илүү хөглөгдөж
урам орж хамтлагаа байгуулсан. “Гала” гэдэг миний өгсөн нэр л дээ. Грекээр сүү гэсэн
утгатай. Ариун гэгээн гэсэн утгыг нь олзуурхаж өгсөн юм. Харин хүмүүс өөрөөр ойлгоод
байгаа харагддаг. Анхны уран бүтээл  маань
“Хөвгүүн” гэдэг дуу байсан. Тухайн үед энэ дуу газар бүрийн баяр дээр дуу­лагд­даг
байсан. Анхнаасаа бид хоёрын эрхэмлэж ирсэн зүйл бол тайзны соёл. Мэдээж хувцаслалт,
биеэ авч явах байдалдаа анхаар­на.

-Та хоёр анх их тод хувцас­ладаг байсан. Яагаад тод өнгөөр хувцасладаг
байсан юм бэ?

-Энэ асуултыг тухайн үед 
их олон хүн асуудаг байсан шүү. Ягаан ногооноор хувцаслах нь япончуудын
нэг
загвар л даа. Японы хувьд өдөр тутам л тийм өнгөөр хувцасласан хүмүүс
гудам­жаар
нь алхаж явдаг учраас тоодог­гүй байсан. Харин Монголд их сониноор
туссан. Гэхдээ
би тэгж хувасладаг байснаа зөвтгөж бод­дог. Дандаа л бараан хувцас
өмс­дөг хүмүүст
өнгөний өөр шийдэл байдгийг харуулж чадсан гэж бод­дог юм. Тэгэхээр
миний хувьд
Болороо гэдэг хүн найзаас гадна гайхалтай сайн хамтрагч. Тэр утгаараа
миний хувьд  маш том орон зай эзэлдэг. Болороогоороо  бахархдаг.

-“Гала” хамт­лагт нэгдсэн хоёр охин яагаад хоёр тийш болсон юм
бэ?

-Манай хамт­лаг “Эрхэт Мон­гол” групп­тэй хамтарч
ажил­­ладаг
бай­сан юм. Тэр групп­тэй ажил­лах дөрвөн жилийн ху­га­цаа дуу­сан­гуут 
бид хоёрын өмнө өөрс­дөө хамт­ла­гаа авч явах
уу, эсвэл цааш­даа хувь хувийнхаа замыг хөөх үү гэсэн асуудал гарч
ирсэн. Мэдээж
хоёу­лаа жаахан охид. Бид хоёрын ард 200 гаруй хүн ажилладаг байсан.
Хамтлаг маань
найман сарын дотор тоглолт хийгээд л CD гаргаж чадсан. Маш богино
хугацаанд хамгийн
их хүнтэй тоглолтыг хийж байсан. Энэ амжилт маань  дан ганц бид хоёрын
хүч биш л дээ.  Цаана нь ажиллаж байсан хүмүү­сийн ач гавьяа,
хүч хөдөлмөр. Тэр олон хүнийг яаж  цалин­жуу­лах
вэ  гэдгээс эхлээд том асуудлууд  тулгар­сан. Болороо маань
гэрийн­хэнтэйгээ зөв­лөлдөж
байж энэ шийд­вэрийг гар­га­сан. Ээж аав нь ч 
нөлөөлсөн. Бид хоёр сургуулиасаа жилийн чөлөө авчих­­­­сан байсан үе.
Болороо­гийн
маань аав ээж охиноо ямар ч байсан сур­гуу­лийг нь төгсгөе, урлагаар
цаашаа явах
үгүйг нь дараа шийдье гэц­гээ­­сэн. Би ч гэсэн хуулийн сургуу­лийн
гуравдугаар курсээсээ
чөлөө авсан байсан юм. Сургуулиа төг­сөөд “Хөөрхөн дэлхий” төсөл дээ­рээ
ажиллаж
байхад Болороогийн эхний уран бүтээл гарч эхэлсэн. Манай Болороо
сургуулиа төгсөөд
надаас түрүүлээд уран бүтээлээ хийсэн л дээ. Харин яагаад ч юм дундаас
нь больсон
байсан.

-Хамтлаг чинь тарах үед Болороо та хоёрын харилцаа мууд­сан гэсэн
мэдээлэл их цацагд­сан. Үнэхээр тэгсэн юм уу?

-Хамтлагаа нээхэд их  хөдөлмөр
гаргасан. Ээж, ааваасаа их мөнгө авсан. Ээж аав л санхүүжүүлж байсан юм
чинь. Тараамааргүй
байсан зүйлийг тараачихаар сэт­гэлд хөнгөн гомдол яваад л байсан. Тэр
гомдлоо Болороодоо
гаргаж чадахгүй байсан. Бид хоёрын талаар сонин сэтгүүлд маргасан,
муудсан гээд
зөндөө л гарсан. Болороо бид хоёр маргалдаж муудаад байх хүмүүс биш л
дээ. Бие биендээ
их хайртай байсан. Би их шартай болохоор нэг тийм бяцхан гомдол байсныг
үгүйсгэх­гүй.  Их амлалт өгчихсөн байсан үе шүү дээ. “Хөөрхөн
дэлхий” гэдэг цомог гаргана гээд амлачихсан байсан. Хүмүүс их нэхэл
хатуутай. Хүүхдүүд
бол  бүр ч илүү. Амласан зүйлийг мартдаггүй.
Бид хоёрыг сонсдог хүмүүсийн 80 хувь нь хүүхдүүд байсан учраас маш их
асуулт ирж
байсан л даа. “Ганцаа­раа ч гэсэн яадаг юм, хэлсэн аман­даа хүрнэ” гээд
“Хөөрхөн
дэлхий” цомгоо гаргасан. Хажуугаар нь “Дэлхийн зөн” олон улсын
байгуул­лагатай хамтраад
дүүрэг дүүрэгт харъяалагддаг 20 мянган ядуу хүүхдэд гар сунгаж ажиллая
гээд хүүхдүүдэд
хөгжмийн боловсрол олгоё гэж төсөл бичиж орж байсан. Төсөл маань
дэмжигдсэн. Үнэхээр
хүүх­дүү­дэд тусалъя,  тэр төрийн бус байгууллагыг
ажиллуулъя гэсэн бодол байсан учир миний төсөл дэмжигдсэн. Түүнээс биш
“Дэлхийн
зөн” гээд олон улсын байгууллага хэр баргийн юмыг дэмждэг газар биш шүү
дээ. Намайг
аз ивээсэн байх гэж баярлаж явдаг. Уран бүтээлээ хийх анхны санхүүжилт
тэндээс гарч
ирсэн. Тэгээд л  “Хөөр­хөн дэлхий” цомгоо
гаргасан. Тэр цомгийн борлуулалт маш сайн байсан. Гурав дахин
хэвлүүлсэн. Хэвлүүлээд
ирэхээр л дуусаад байсан. Зарим аав ээж бүр “Хөөр­хөн дэлхий” дууг
сонсоод манай
хүүхэд унтдаг гэж хэлж байсан шүү. Бараг л бүүвэйн дуу болсон юм уу даа.
“Хөөрхөн
дэлхий” цомгийн маань “Хөөрхөн дэлхий” дуу ерөн­хий боловсролын дууны
хичээ­лийн
хөтөлбөрт орчихсон байсанд их баярлаж байлаа. 

-Хүүхдийн дуу дуулдаг байж байгаад гэнэт огт  өөр стильний дуу дуулаад эхлэхэд яаж хүлээж авч
байв?

-Санхүүгийн эх үүсвэр бий болчихоор өөрийнхөө хийхийг хүссэн юмыг
хийж эхэлсэн л дээ. Дараа нь “New brilliant” цомгоо гаргасан. “Хөөрхөн дэлхий” цом­гоос
хойш удаагүй гарсан юм.  Хүүхдийн дуу дуулж
байсан хүн  гэнэтхэн л “New brilliant” гээд
имиж нь задгай болоод ирэхээр хүмүүс ойлгохгүй байсан байх. Зөвхөн хүүхдийн дуу
дуулдаг гэдгээр нь хүлээгээд авчихсан байсан. Гэтэл би хөгжих ёстой шүү дээ. Уран
бүтээлчийн хувьд дотроо байгаа юмаа гаргах их хүсэл байсан. “New brilliant”-ын дараа
бас л удаагүй “ABC” гээд цомгийнхоо ажилд орсон. 

-Тэрнээс хойш уран бүтээл тал дээрээ бага анхаарсан юм болов уу
гэж бодогддог?

-Сүүлдээ тоо чухал биш 
чанар­тай уран бүтээл л гаргая, амьдрал­даа хэрэгтэй зүйл хийж эхэлье гэж
бодсон. Хүүхдүүдийн төлөө ажил­лаж үзлээ. Хүмүүст зориулж дуулж үзлээ. Хүмүүнлэгийн
ажил хийлээ. Одоо ахуй амьдралдаа анхааръя гэж бодож байна.  Тэгээд л 
өөртөө цаг гаргаад сураад ирсэн. Хятадын Чинхауд Хятад хэлний бэлтгэлд сурсан.
Одоо бизнесийн удирдла­гын мастерт сурч байгаа.

-Гоо сайхны хагалгааны та­лаар ярья. Алтан утас гүйлгэсэн гэдэг.
Хаана хийлгэж байсан бэ?

-Энэ асуултанд олон хариулсан л даа. Өнөөдөр хариулаад л цааш­даа
иймэрхүү асуултад хариул­маар­гүй байна. Алтан утас хийлгэ­сэн нь үнэн. Хийлгэсэн
учраас байн байн гоо сайханд орох шаард­­лагагүй болсон. Алтан утас гүйлгэхээр мэдрэгддэг
болов уу гэж асуугаад байдаг. Мэдэгдэх юм байхгүй. Давуу тал нь нүүр 30 хувь жижгэрдэг.
Солонгост 18 настай охидыг ээж аав нь дагуулж ирээд хийлгэдэг юм билээ. Учир нь
тэр үед нь хийлгэчихээр 18 насны онцлогийг 
хадгалж үлддэг юм. Тэр сайхан харагдаж байгаа оддын  онцлог нь ердөө л алтан утас. Арьсны ширхгийг
татаад байж байна гэдэг чинь гоо сайханд их хэрэгтэй.  Хүндийн хүчний дагуу арьс доош татагддаг шүү дээ.
Тэрийг нь  л болиулчихаж байгаа юм. Алт гэдэг
элемент хүнд сайн.  Харшлах зүйл байдаггүй.
Дорно дахины технологи арга л даа.  Хятадын
мундаг дуучид хийлгэдэг.

-Одоо дахиад гоо сайхандаа анхаарсан иймэрхүү зүйл хийлгэх үү?

-Одоо янз бүрийн юм хийлгэх­гүй. Цаашдаа амраад өөртөө нэг их
ачаалал өгөхгүй амьдарна. Ажиллах цаг хугацаандаа  сайн ажиллаж чадсан 
гэж үзэж байгаа. Урлагаар явж байгаа  эмэгтэй хүн гоё байх ёстой.

-Ану багаасаа л олны танил болсон. Олон залуусын зүрхэнд шар ус
хуруулсан байх даа?

-Би багадаа их ичимхий охин байсан.
Тайзан дээр харин ичдэг­гүй
байсан.  Дуртай орчин минь учраас. Хайр дурлалын
романс маш бага шүү. Хүмүүс намайг танихгүй хүмүүстэй холбож яриад
байдагт гайхдаг.  Монгол банкны Чулуунбаттай холбоотой гэх мэтээр
насны ялгаатай хүмүүстэй холбож ярихаар өөрийн 
эрхгүй гайхдаг. Тэд чинь нийгэмд өөрийн гэсэн орон зайтай мундаг хүмүүс.
Надаас хамаагүй ах. Би ч гэсэн хувь хүн. Өөрийн гэсэн  гоо зүйн
мэд­рэмж­тэй байхыг хүсдэг. Хажууд байгаа  эр хүн маань надад таалаг­даж
байх ёстой. Дутагдаж
гачигдах юмгүй сайхан амьдарч байгаа хүн илүү юм хүсэхгүй шүү дээ.
Надтай холбоотой
иймэрхүү яриануудыг би үнэндээ ойлгодоггүй. 

-Та “Үдшийн шивнээ”-д нүц­гэн зургаа авахуулсан. Тухайн үедээ  сенсаци болж байсан шүү. Ойр дотныхон чинь яаж
хүлээж авч байсан бэ?

-Үнэхээр сенсаци болж байсан. Хийсэн алдаа гэмээргүй байна. Зоригтой
байсан үеийн маань илэрхийлэл. Тэр үеэ буруутгадаг­гүй.  Одоо ээж болсон учраас ийм юм болохгүй. Гэр бүлийнхэн,
найз нөхдөөс шүүмжлэл  ирсэн. Бүгд л яагаад
ингэв гэж асууж байсан.  Гэхдээ залуу нас
ш дээ.  Галзуу барын аманд гараа хийхээс буцах­гүй
нас гэдэг утгаар нь тэр үеийн шийдвэрээ буруутгаж чаддаггүй. Тиймээс зургаа авахуулсан
байх.  Гэхдээ эргээд бодохоор залуу насны
минь  гоо сайхныг  мөнхөл­сөн зураг.

-Өөрийн сүрчгээ  гаргана
гэж байсан.  Хэзээ гаргах вэ?

-Сүрчиг их амархан юм билээ. Хятадад үйлдвэрлэдэг юм байна. Ямар
үнэр оруулмаар байна тэрий­гээ сонгодог. Сурч байхдаа л энэ ажлаа хийнэ дээ. Төгсөөд
Улаанбаатартаа буухдаа   сүрчигтэйгээ ирнэ.

-Олон рекламанд тоглосон байх шүү. Монгол контентоос задгай хувцастай
зураг татуу­лаач гэсэн санал ирж байсан гэл үү?

-Хүмүүсийн мэддэг, мэддэггүй олон рекламд тоглосон. Нэлээд санал
ирж байсан. Нэг нь “Монгол контент”-оос ирсэн санал л даа. Нэг хэсэг эмэгтэйчүүдийг
нэлээд задгай хувцаслуулж зураг авч байсан шүү дээ. “Үдшийн шивнээ”-гийн дараа байсан
болохоор татгалзсан. Архи, тамхины ч юм уу, 
хэт их эротик биш бол ямар ч сурталчилгаанд нээлт­тэй оролцохыг хичээдэг.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
редакцийн-нийтлэл

Б.Наранхүү: “Шарга даага”-д тоглосноос хойш манай ангийнхан намайг од гээд байгаа

Арваад нас хүртлээ ажаатайгаа
өссөн Галт хүү ажаагаа өөд болсны дараа төрсөн аав, ээж дээрээ очдог. Ажаагаа санасан
хүү­гийн сэт­гэлийг адуунд нь гүйж ирсэн шарга даага тайт­гаруулдаг. Найруулагч
Ч.Хорол­доржийн “Шарга даага” киноны үйл явдал ингэж өрнөдөг. Монголын хөдөө нутгийн
жаахан бор хүү, даага хоёрын байгалиас заяасан харилцан шүтэлцээг олон улсын киночид
үнэл­сээр байна. “Шарга даага” кино саяхан гэ­хэд л энэтхэгчүүдээс магтаалын үг
сонсоод ирсэн. “Улаан­баа­тар” олон улсын анх­дугаар кино наадамд ирсэн гад­ны том
уран бүтээлч­дийг алга ташин гай­хашруулсан энэ кино тун удахгүй Монголын кино теат­руудад
гарч эхлэх гэж байна.
 Ин­гээд “Шарга даага” ки­нонд гол дүрийг
бүтээ­сэн Б.Наран­хүү­тэй бо­лон аав А.Баяр­хүүтэй нь утсаар ярилц­­лаа. Учир нь
хүү Төв айм­гийн Уг­таал сумандаа хи­чээл, гэр хоёрынхоо дунд гүйж яваа. Б.На­ран­хүү
удах­гүй Улаан­баа­тарт ирж кино­ныхоо нээл­тэд орол­цох юм билээ.

-Сайн байна уу, На­ран­хүү. Киногоо
Улаан­баатарт гарах болсныг мэдсэн үү?

-Өө мэдсэн. Төгсөө ах, Хоролоо ах
хоёр ирж авах байх даа гэж бодоод л байж байна. Эгчээ би “Шарга даага”-ыгаа Улаан­баатарт
гарахыг сонсоод унтаж чадахгүй байгаа. Аав “Ядарчихна, унт миний хүү” гээд л байгаа.

-Хичээл чинь тарсан уу, хэддүгээр
анги билээ?

-Одоо зургадугаар анги. Хичээл тараагүй
ээ. Хэзээ тарахыг нь мэдэхгүй байна.

-“Шарга даага” ки­нонд яаж тоглохоор
болсон бэ?

-Манай сургууль дээр зөндөө хүмүүс
ирээд шалгаж авсан. Авьяас үзсэн л дээ. Дуулуулж, бүжиглүүлсэн. Би дуулж бүжиглэдэг
болохоор тэнцсэн байх. Энэ жил орос бүжиг бүжиглээд сургуульдаа түрүүлсэн. Манай
ангийн дөрвөн  эрэгтэй, дөрвөн эмэгтэй бүжиглэсэн
юм. Нодин бас бүжиглэсэн. Гэхдээ энэтхэг бүжиг л дээ.

-Кинонд тоглоход юу нь хэцүү байсан
бэ?

-Уйлах л хэцүү бай­сан. Уйлдаггүй
кинонд бол тоглоод л баймаар байна. Уйлна гэхээр ну­лимс гарахгүй юм билээ.

 

-Тэгээд чи яаж уйлсан бэ?

-Найруулагч зөндөө хэлсэн л дээ. Тэгсэн
ч уйлахгүй байсан. Надтай манай хамаатны нэг хүүхэд цуг байсан юм. Тэр намайг чимчихсэн
чинь миний уур хүрээд уйлчихсан.

-Чамайг кинонд тоглосон чинь ангийнхан
чинь юу гэж байна?

-Од гээд байгаа ш дээ. Манай Угтаал
сумынхан намайг бүгдээрээ таньдаг болсон байна лээ. Зарим ах, эгч нар “Гарын үсгийг
чинь авъя” гээд байгаа.

-Морь унахын юу нь гоё вэ?

-Айрагдаж, түрүүлэх нь гоё. Манай
хөдөө байдаг  ах их мундаг уяач. Тэдний морийг
анх унаад түрүүлсэн чинь дахиж унамаар санагдаад.

Тэгээд л морь унах дуртай болсон.
Миний  унасан морь бүр айрагддаг болохоор
дахин дахин унаад баймаар санагддаг. Би одоо гурван медальтай.

-Кинонд хамт тоглодог даага чинь
хаана байдаг вэ?

-Манай сумын нэг ахын даага. Аав хорь
гаруй км-т байгаа гэж байсан. Уг нь очвол очихоор л юм билээ. Одоо даанч хичээл
ихтэй болохоор амжихгүй байна л даа. Тэгж байгаад аавтайгаа очиж харнаа.

-Чи зурагтаар ярилцлага өгч үзсэн
үү?

-Үзсэн. Гэхдээ юу ч ярьж чадаагүй.
Очсон чинь бүх үгээ мартчихсан. Тантай  утсаар
ярьж байгаа болохоор л арай сандрахгүй байна.

-Чи хэдэн дүүтэй вэ?

-Хоёр. Нэг нь эрэгтэй. Нэг нь охин.
Охин дүүдээ жоохон болохоор нь илүү хайртай.

-Хурдан морины уралдаан хэр үзэж
байна?

-Хурдан морины уралдаан гарвал үзэх
дуртай. Ээж, аав хоёр ч намайг ажил хийлгүүлэхгүйгээр үзүүлдэг юм. Гэхдээ одоохондоо
зүсийг нь сайн ялгаж чадахгүй байгаа. Аав дандаа морины зүс асуугаад байдаг болохоор
тогтоодог болох гээд л хичээгээд байгаа. 

 А.БАЯРХҮҮ: ХҮҮ МИНЬ БҮР ҮНЭН ГОЛООСОО УЙЛСАН БАЙГАА ЮМ ДАА

-Хүүгээ кинонд тог­лохыг сонсоод
ямар сэт­гэгдэл төрж байв, чадах болов уу гэж эргэлзэж байсан уу?

-Ажлаасаа ирсэн чинь кинонд тоглохоор
болчихсон гэж байсан. Багаасаа хурдны морь унадаг байсан л даа, миний хүү. Морины
тухай кино болохоор чадчих болов уу гэж найдсан. Гэхдээ л эвгүй юм билээ. Тийм олон
хүүхдийн дундаас тэнц­чихээд чадахгүй бол яана аа гэж айж байснаа нуугаад яахав.

-Кино зураг авалтын үеэр хүү чинь
гэрийн бараа харсан уу?

-Ноднин зун кино зураг авалтын
үеэр
бараг гэртээ байгаагүй. Сургуулиа тараад л шууд 
зураг авалтанд гарсан. Угтаалаас арав гаруй  км-ийн зайд 
кино зураг авалт хийсэн юм. Тэндээ байрлаад хийсэн л дээ. Гэрээсээ хол
байж
үзээгүй  болохоор эхлээд гэрээ санаад жигтэйхэн
юм болсон ч сүүлдээ  хүмүүстээ дасч ахаа эгчээ
болоод дажгүй болсон. Эхний үед ээж нь очиж ганц нэг хонох зэргээр
дасгасан л даа.  Би ч киног нь бүтэн үзээгүй л дээ. Хэсгийг нь
үзэхэд их  хөөрхөн болсон байна лээ. Моринд
дуртай болохоор сэтгэлээсээ тоглосон юм болов уу гэж хүүгээ үнэлээд
байгаа. Саяхан
киноных нь плакат ирсэн. Бүр үнэн голоосоо уйлсан байгаа юм даа. Хүү
маань зургаа  хараад инээ­гээд л хөөрч гүйгээд байсан. Одоо
хүүтэйгээ киноных нь  нээлтэнд явна даа.

-Ээж нь очиж хонож байсан гэхээр
их эрх байх нь ээ?

-Найм  хүртлээ бид хоёрын өвөрт байсан хүүхэд. Дүү нь
гараад тусдаа унтдаг болсон юм. Гэхдээ одоо ч гэсэн хааяа өвөрт ороод ирнэ шүү.
/Инээв/

-Хэддүгээр ангиасаа морь унаж эхэлсэн
бэ?

-Хоёрдугаар ангиасаа эхлээд хурдан
морь унасан. Моринд дуртайнх нь хэрэг л  гарч
байх шиг байна. Шилдэг унаач хүүхэд хүртэл болж байсан.  “Морь гоё ш
дээ. Морьгүй бол муухай. Морьгүй  газар амьдрахгүй” гэж ирээд л ярина
шүү дээ. Наадмын
өмнөх өдөр бол  унтахгүй. Маргааш нь хэцүүднэ
гээд арай гэж унтуулдаг юм.

-Танай удамд урлагийн хүн бий юу?

-Яг урлагаар явсан хүн бол байхгүй.
Эмээ нь их алиа хүн байсан юм. Манай ээж чинь жил бүр сумынхаа алиалагч болчихдог
хүн байсан.

Эмээгээ  дуурайсан юм 
болов уу гэж бодож байгаа. Манай хүү шууд ярихаар дуу цөөтэйдүү юм шиг хэрнээ
яг тулаад ярихаар алиа марзандуу яриатай.

-Хүү чинь жүжигчин болно гэж байна
уу?

-Өмнө нь аав шигээ тракторын жолооч
болно гээд байсан хүн чинь одоо жүжигчин болно л гээд байгаа.

-Одоо хурдан морь унадаг уу?

-Унаж байгаа. Сая манайд бас нэг хүн
ирээд морь унуулна гэж гуйгаад явлаа. Ээж нь очиж уулзах гээд байж байна. Өөрөө
ч морь унана гэж хөөрөөд байгаа болохоор унуулах л байх.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
редакцийн-нийтлэл

Melanie Kocke: Монгол хүнтэй ханилаад эх оронд нь ингээд үлдэнэ чинээ бодоогүй

-МАНАЙ НӨХӨР ГУРВАН ХҮҮХДЭЭ ЭХ БАРЬЖ АВСАН САЙН ААВ-

  Монголд
17 жил амьдарч бай­гаа АНУ-ын иргэн Melanie Kocke-тэй ярилцаа. Тэрээр монгол нөхөртэй
бөгөөд өдгөө дөрвөн хүүхдийн ээж болжээ.

 
-Та
Монголд анх
хэзээ ирж
байв. Нөхөртэйгөө яаж танилцаж байсан бэ?

-Би 16
настайдаа аав, ээжтэй­гээ Монголд ирж байлаа. 
Гэр бүлээрээ Дарханд амьдардаг  бай­сан
юм. Биднийг энд ирэхэд ах, эгч нар маань Америкт үлдсэн л дээ. Тухайн үед эгч  үлдээд би ган­цаа­раа ирж байгаа учраас Монголд
ирэх хүсэлгүй байсан. Аавынхаа зардлаар Ази руу явж үзье гэж бодоод л ирсэн. Монголд
ирээд жилийн дараа нөхөртэйгөө Хрис­тийн цуглаанд анх танилцсан юм.

-Нөхөртэйгөө
танилцаад л Монголд амьдарна гэж бодож байсан уу?

-Үлдэнэ
гэж төсөөлөө ч үгүй. Буцаад л Америк руу явна гэж боддог байлаа. 18 нас хүрэхийн
өмнөхөн нөхөр бид хоёр бие бие­дээ сайн гэдгээ мэдсэн. Гэхдээ цаашдаа Монгол, Америкийн
алинд нь  амьдрах нь тодорхойгүй байсан. Удалгүй
бид хоёр гэрлэлээ. Хүүхэдтэй болоод хаана өсгөх вэ гэдэг асуудал тулгарсан л даа.
Манай хамаатнууд бүгд Америкт. Тэнд өсгөх үү, 
Монголд өсгөх үү, аль  нь дээр вэ гэж
бодоод хэсэг хугацаанд ажиглалт хийсэн. Тэгээд л Монголын гэр бүл таалагдсан. Гэр
бүлээ гэсэн халуун дулаан харил­цаа нь “Ерөөсөө л энд  хүүхдүүдээ 
өсгөе” гэсэн бодол төрүүлсэн. Америкаас Монголд ирж хүүхдээ хүмүүжүүлдэг
хэд хэдэн гэр бүл байдаг юм билээ.

-Та
монголоор их сайн ярьж байна шүү?

-Би одоо
32 настай гэхээр Мон­голд багагүй хугацаанд амьдарсан гэсэн үг. Ямар нэг хэлийг
сурах хамгийн амжилттай арга бол тухайн орны хүмүүсийнх нь дунд орж ярих. Би монгол
хэлийг ийм аргаар л сурсан.

-Нөхөр
чинь англиар ярьдаг байсан уу. Та хоёр яаж ойлголц­дог байв?

-Нөхөр
бид хоёр тухайн үед хоорондоо оросоор ярьдаг байсан. Дөнгөж Монголд ирээд орос хэл
сурч эхэлсэн юм. Дараа нь надад Америкт ажиллаж, амьдрахад орос хэл илүү хэрэгтэй
байх гэх бодол төрсөн. Миний найзууд дундаас тухайн үед  англиар ярьдаг ганцхан хүн байсан нь манай нөхөр.
Мон­голд эргэж ирэх нь тодорхой болс­ны дараа би орос хэлээ хаясан.

-Та
16 насандаа анх Монголд ирж байсан гэхээр дунд сур­гуу­лиа яаж төгссөн юм бэ?

-Гэрээр
сурсан. Америкт  гэр сургууль их түгээмэл.
Аав ээж хоёр минь анх хүүхдүүдээ гэрээр сургаж эхэлсэн. Тэр үед хамгийн бага нь
би байлаа. Би нэгдүгээр ангид ороод удаагүй байхдаа гэрээр сурч эхэлсэн. 18 нас
хүрэнгүүтээ арван жилийн улсын шалгалтаа Америкт очиж өгөөд буцаж Монголд ирсэн
юм. Шалгалт өгөх үеэр нөхөр бид хоёр гурав, дөрвөн сар л хол байсан. Энэ хугацаа
цаашдаа энэ хүнтэй хамт амьдрах уу, үгүй юу гэдэг шийдвэрийг гаргахад тэрэнд минь
тус болж байлаа. Нэг талаа­саа хайрын том шалгуур болсон доо.

-Одоо
та Улаанбаатарт юу хийж байна?

-Би одоо
залуу ээжүүдэд зо­риул­сан нэвтрүүлэг бэлдэж өөрөө монголоор хөтөлж байгаа. Энэ
миний мэргэжлийн ажил биш л дээ. Би англи хэлний багш. Хүүхдүүдээ өсгөхдөө англиар
блог хөтөлдөг байсан юм. Тэрийг маань уншсан залуу ээжүүд баярласан сэтгэгдлээ их
бичнэ. Энэ нэвтрүүлгийг хөтлөх үү гэсэн санал ирэхэд нь би монгол ээж нарт тус болно
гэдэг үүднээс их дуртай зөвшөөрсөн. Нэвтрүүлэг маань дөрөвдүгээр сараас эхэлж цацагдана.
“Хоёр ээж арван хүү­хэд” гэдэг нэртэй. Надтай хамт хөтөлж байгаа хөтлөгч маань бас
зургаан хүүхэдтэй. Бид хоёрын туршлагаар энэ нэвтрүүлгийг бэл­дэж байгаа юм. Нэвтрүүлэг
маань “Ийгл” телевизээр гарна. Балчир хүүхдүүдийг өсгөж байгаа ээжүүдийн зовлонг
ойлго­сон учир бие биенээ дэмжье гэсэн үүднээс энэ нэвтрүүлгийг хийж байгаа.

-Та
дөрвөн хүү­­­­хэдтэй гэсэн. Хүүхдүүд чинь хэдэн настай вэ?

-Манай
том хүү 12 настай. Том хүү маань Улаан­баа­та­рын нэгдүгээр эмнэлэгт төрж байсан.
Нөгөө гурав маань гэр­тээ төрсөн. Ма­най нөхөр эх ба­риад гэртээ тө­рүүл­сэн. Дараагийн
охин маань арван нас­­тай. Дүү нь хүү. Долоон нас­тай. Хамгийн бага охин маань дөрвөн
настай.

-Нөхөр
чинь өөрөө эх барьж авсан гэхээр сонин санагдаж байна л даа. Ямар мэргэжилтэй хүн
бэ?

-Манай
нөхөр уг нь бизнесийн хүн. Одоохондоо “Амонг” телеви­зийн гүйцэтгэх захирал хийж
бай­на. Манайх Дарханд эмнэлэгтэй их ойрхон байсан юм. Төрөхийн өмнөх сургалт хичээлд
сууж бай­сан. Ямар үед түргэн тусламж дуудах зэргийг маш сайн судалсан. Манай гэр
бүлд гэрээр төрөх нь тохиромжтой  гэж үздэг.
Хүмүүсийг гэртээ төр гэж бид хэзээ ч зөвлөж байгаагүй. Анхнаасаа хаана төрөх вэ
гэдгээ төлөвлөчихсөн байсанд л хамаг учир байгаа юм. Эхнэр нөхөр хоёулаа санаа нэгдсэн
тохиолдолд гэртээ төрөх нь аюултай зүйл биш.

-Хүүхдүүддээ
ямар нэр өгч байв. Хэн өгч байсан бэ?

-Нөхөртэйгөө
суугаад сонгож байсан. Том хүүгийн англи нэр нь Nathaniel. Эзнээс өгсөн бэлэг гэсэн
утгатай. Монгол нэр нь Ялгуун. Охин маань Abigail. Аавын баяр хөөр гэсэн үг. Монгол
нэр нь Нан­дин. Бага хүү маань Kenneth, царайлаг гэсэн утгатай. Монгол нэр нь Өрнүүн.
Бага охин Evelyn, үзэсгэлэнтэй шувуухай гэсэн үг л дээ. Монгол нэр нь Аялгуу. Манай
хүүхдүүд Америк, Монголд аль алинд нь бүртгэлтэй.

-Танай
гэр бүлийнхэн нөхрийг чинь яаж хүлээж авсан бэ?

-Ээж маань
шууд хүлээн зөв­шөөрч хүү шигээ л хүлээж авсан. Нөхөрт маань тэр үед амьдралын боломж
тийм ч их байгаагүй. Тэрийг манай аав харсан байсан л даа. Миний охиныг яаж тэжээх
юм, хүүхэдтэй болбол яах вэ гэж асууж байсан. Аав маань шууд хүлээн зөвшөөрөөгүй
ч  хүлээцтэй байсан. Тэрнээс хойш жил өнгөрсний
дараа нөхөр маань аавтай уулзаж гуйсан. “Надад олон зүйл байхгүй. Гэхдээ байгаа
зүйлээ танай охины төлөө зориулна” гэж хэлж байсан л даа. Аав маань ч сэтгэлийг
нь ойлгосон. Биднийг зогсоох аргагүй юм байна гээд хүлээн зөвшөөрч байлаа. Тэгээд
бид хоёр Дарханд их том хурим хийсэн.

-Нөхрийн
чинь аав ээж хоёр таныг яаж хүлээж авч байв?

-Их сайхан
хүлээж авсан. Тэр хоёроос асуувал өөр юм хэлж магадгүй л дээ. Манай нөхрийн гэрийнхэн
нь, эмээ нь хэзээ ч “Чи монгол байх ёстой. Монголчууд ингэдэг” гэж тулгаж зааж байгаагүй.
Би бүх юмаа орхиод Монголд ирж байхад дахиад надаас өөр юм хүсвэл үнэхээр хэцүү
шүү дээ.

-Нөхрийнхөө
талаар яриач?

-Манай
нөхрийг Мөнгөнхэт гэдэг. Бид Хэтээ гэж дууддаг. Өвөө нь нэрийг нь өгсөн гэсэн. Манай
нөхөр ажилсаг хүн. Онцгой чанар нь хийж байгаа ажилдаа өөрийгөө бүрэн зориулж чаддаг.
Хүүхдүүдээ эх барьж авсан их сайн аав. Бид хоёр бас хүүхдүүдийнхээ багш. Гэр бүлийнхээ
төлөө бүхнээ хийдэг сайн эр хүн дээ.

-Хэзээ
Улаанбаатарт орж ирсэн бэ?

-Гэр бүлээрээ
яг жилийн өмнө нүүж ирсэн. Ажлын шалтгаанаар Улаанбаатарт үлдэхээр
болсон. Тэрнээс
өмнө нь Улаанбаатарт орж ирэх боломж байсан ч бид Дарханд байх дуртай
учраас  ирдэггүй байсан юм. Үнэхээр эрүүл, аюул­гүй газар.
Тэнд хоёр эмээ, хоёр өвөө нь амьдардаг. Хотод орж ирэхэд зориг шаардсан
шүү. Бид  одоо Дархан руу сард нэг  юм уу, хоёр сард нэг удаа очдог.

-Та
аль улсын иргэн бэ?

-Би Америк
Улсын ир­гэн. Жил бүр визээ сунгуу­лаад амь­дарч  байна. Бид гэр бүлээрээ Америк руу жилийн өмнө
яваад ирсэн. Зургаан хүний виз өндөр гар­даг болохоор байнга явдаггүй.

-Одоо
та юугаар ч дута­хаар­­­гүй аз жаргалтай байдаг уу?

-Тийм ээ.
Гэхдээ дутагддаг үе зөндөө л байсан. Түрээсээ төлөх үү, хоол унд авах уу гэсэн асуудал
ч тулгарч байлаа. Өөр гэр бүлүү­дээс ялгарахаар юм байхгүй. Бид хоёрын нэг онцлог
бол юу ч болсон хамт, бид нэг хүн шүү гэж бие биедээ хэлдэг. Амьдралд юу ч тохиолдсон
нөхөртөө уураа гарга­даг­гүй. Нөхөр маань бухимдсан ч уураа надад гаргахгүй. Бүх
л юмаа ярилцаж ойлголцдог. Гэр бүлд асуудал байлгүй л яахав. Ямар ч хосууд гэр бүл
болоод тэр үеэсээ харилцаандаа анхаарахгүй бол ааж­маар хөндийрч эхэлдэг. Гэр бүл
болчихоод хувиа хичээх нь салах үндсийг тавьдаг гэж би боддог.

-Та
Монголд олон жил бол­лоо. Энд хэрэггүй үлдэж гэсэн бодол төрж байв уу?

-Бодолгүй
яахав. Би өөр хаана ч амьдарч болох байсан. Яагаад заавал Монголд байх ёстой гэж
хэмээн бодох үе байсан. Гэхдээ би хэрэгтэй байгаа газраа л амьдрах  дуртай. Монголд харагдаж байгаа хамгийн том хэрэгцээ
бол  миний гэр бүл. Би гэр бүл салалтын эсрэг
байдаг хүн.

-Монголчууд
Америк руу их явж байна. Та харин Монголд байна. Америк Монголын ялгаа нь таныхаар
юу вэ?

-Хүн болгонд
шалтгаан байгаа. Америк руу гүн суурьтай аз жар­га­лын араас явж байгаа бол тэр
аз жаргал олдохгүй гэж би боддог. Америк тийм амар газар биш. Гэхдээ шийдэмгий ажиллаж
чадвал боломжтой газар л даа. Нийгэм нь аюултай. Буутай байхыг зөвшөөр­дөг, хар
тамхи дэлгэрсэн газар. Бууг зөв ашиглах, буруу ашиглах хүмүүс байна. Янз бүрийн
гэмт хэрэг илүү ихээр гардаг. Би амьдрах газраа сонгосон шиг хүн болгон зөв л сонгох
хэрэгтэй байх.

-Хүүхдүүд
чинь ямар хэлээр ярьдаг вэ?

-Хүүхдүүдийн
маань хичээл англи хэлээр явагддаг учраас англи хэлээ илүү сурч байгаа. Ер нь хүүхдүүдийн
онцлог байна. Миний туршлагаар охид хэлийг бэрхшээл­гүй сурдаг. Хөвгүүд харин удаан.
Манай хоёр охин хэлд орохдоо хоёр хэлээр зэрэг ярьж сурсан. Хоёр хүү маань болохоор
англи хэлний дараа монгол хэлийг сур­сан. Би багаасаа англи, испани гэсэн хоёр хэлээр
ярьж сурж байсан юм.

-Хүүхдүүд
чинь хаана сурч байгаа вэ?

-Хүүхдүүд
гэртээ, миний жиш­гээр сурч байгаа. Хичээлээ гэртээ хийнэ. Эсвэл манай оффист. Нэг
бол гэрээр сурдаг өөр хүүхдүүдтэй нийлж хичээлд суудаг.  Эцэг эхчүүд нь өөрсдөө ээлжилж хичээл заадаг нэг
газар бий. Миний зааж чадах­гүй зарим хичээлийг гадуур сурдаг. Хоёр хүү маань бассейнд
усанд сэлэлтийн дамжаанд явдаг. Манай хоёр охин балетын дамжаанд явдаг юм. Гэрийн
сургуулийн онц­лог­той тал нь үндсэн хичээлээ маш хурдан гэртээ хийж чаддаг учир
үлдсэн цагийг гадуур хичээллэх, хамтдаа өнгөрөөх боломж  өндөр байдаг. Төгсөх насан дээрээ Америкт биеэ
дагаад шалгалтаа өгч болдог. Хаана сурсан ямар номоор сурсан нь чухал биш. Бүрэн,
дунд боловсрол эзэмших хэмжээнд хүрсэн бол шалгалтаа өгч болдог. Манай хүүхдүүд
Амери­каас өөр газар байгаа учраас жил бүр очиж шалгалтаа өгөхгүй. Гэх­дээ хичээлийн
явц дунд шалгал­тууд байдаг. Тэрийг өөрсдөө авч цуглуулаад аттестат авахаас нь өмнөхөн
хүлээлгэж өгч болдог юм.

-Гэрийн
сургуульд явахад сөрөг тал байх уу?

-Анх манай
аав ээж хоёрыг гэрийн сургууль хийгээд эхлэхэд хүмүүс ойлгодоггүй байсан. “Хүүх­дүүд
чинь юм сурахгүй шүү дээ. Та нар багш биш байж” 
гэж шүүм­жил­дэг байлаа. Миний том эгч, ах маань бас гэрийн сургууль төгссөн.
Манай ах одоо усан онгоцны жолооч. Эгч  маань
сувилагч. Америкт тэргүүн зэрэгт багтах мэргэжил эзэмшсэн хүмүүс. Арван жилийн боловсрол
чухал л даа. Гэхдээ зарим хүмүүсийн боддог шиг заа­вал сургуульд явах ёстой гэсэн
шиг зүйл биш.

-Үеийнхэн
дундаа байхгүй бол зожгирох тал байхгүй гэж үү?

-Би сургуульд
явж үзээгүй ч гэсэн нийгэмшсэн л байгаа биз дээ. Заавал өөрийнхөө насны хүүх­дүүд­тэй
нийгэмшинэ гэж байхгүй л дээ. Ижил насны хүүхдүүдээсээ юм сурах уу. Гэрээр сурдаг
хүүхдүү­дийн нэг онцлог нь эмээ, өвөө, аав, ээжтэйгээ ихэвчлэн байдаг учраас том
хүнтэй шууд харилцаж сурдаг. Тэдний  дунд
орвол том хүнтэй санаа зовохгүй ярьдаг нь шууд анзаарагддаг. Сургуульд явсан хүүхдүүдийг
анги ангиар нь ангил­чихсан байдаг. Үдэшлэг боллоо гэж бодоход тэнд олон насны хүмүүс
ирдэг. Сургуульд явдаг хүүхдүүд шууд өөрийнхөө насны хүүхдүүд дээр очдог. Харин
гэрээр сурсан хүүхдүүд аль сонирхолтой газар нь очиж ярилцдаг. Нэг онцлог нь илүү
нээлттэй байдаг.

-Та
хүүхдүүдийнхээ хичээ­лийг заахдаа номноос хараад зааж байна уу?

-Би тоонд
муу байсан учраас багшийн  ном  их ашигладаг. Миний зааж чадахгүй  хичээлийг нөхөр маань зааж чаддаг. Багшийн ном
байдаг учир хичээл заах талд санаа зоволтгүй. Бас интернет гэж том зэвсэг байна.
Одоо манай хүүхдүүд компьютерийн сургуульд шилжиж эхлэх байх. Хүүхдүүд учраас хамаагүй
компьютер руу чиглүүлмээргүй байсан юм. Том хүү маань  бичиг нь сайжирчихвал удахгүй  компьютер руу орох байх.

-Англиар
хичээлийг нь заадаг гэсэн. Монгол хэлээ яаж зааж байгаа вэ?

-Монгол
хэлний хичээлийг одоо­хондоо хийхгүй байгаа. Хүүх­дүүдээ арай том болгож байгаад
Монголын түүх, монгол хэлийг нэгтгээд монгол багш авч байгаад заалгана. Хүүхдүүдээ
шалгалтанд бэлдэхээс илүүтэй амьдралд нь бэлдмээр байна. Аав ээж минь намайг тэгж
л өсгөсөн. Шалгалтанд биш амьдралд чинь хэрэгтэй учраас зааж байгаа юм гээд хичээл
ордог байлаа. Одоо хүүхдүүд маань талх барьж сурч байгаа. Гал тогоонд хоол хийж
сурч байна. Бид үүнийг математиктай адилхан л чухал хичээл гэж үздэг.

-Та
хэр сайн гэрийн эзэгтэй вэ?

-Би хоол
хийх дуртай. Хүүхдүүд­дээ хичээлийг нь заахдаа, хоол хийхдээ, нөхөртөө туслахдаа
хам­гийн аз жаргалтай байдаг. Зарим­даа уур хүрдэг, тэвчээр алддагаа нуухгүй. Хүүхдүүдтэйгээ
өдөржин байгаад орой нь ядрах үе гарна. Би хүүхдүүдээ их залуудаа төрүүл­сэн. Хүүхдүүдтэйгээ
хамт өснө гэж шийдэж байсан хүн дээ. Би ямар нэг шинэ хоол гал тогоондоо тур­шиж
үзэж байгаа бол хүүхдүүдээ оруулж ирээд хэдүүлээ хамт суръя гээд хамт хийдэг.

-Танай
гэр бүл цоо шинэ соёл бий болгож байгаа юмаа даа?

-Манай
гэр бүлийг монгол гэхэд хэцүү, америк гэхэд бас хэцүү. Гэхдээ цоо шинэ соёл бий
болгож байна гэж бодохоор сайхан бай­даг. Хүүхдүүд маань бас тэр соёлыг үргэлжлүүлнэ.
Монголын талаас, Америкийн талаас хүүхэд хүмүү­жүү­лэхэд авах юм зөндөө, бас орхих
юм олон. Залуу гэр бүлд мэргэн ухаан хэрэгтэй байдаг. Өдөр бүр л хоорондоо ярилцаж
бие биенийхээ төлөө санаа тавьдаг байх хэрэгтэй.

-Та
хүүхдүүд шигээ монгол нэртэй юу?

-Надад
монгол нэр байгаа. Манай нөхрийн эмээ 80 гарсан хүн бий. Анх танилцахад миний нэрийг
хэлж чадахгүй байсан. Тэгээд Сувдаа гээд нэрлэчихье гээд тийм нэртэй болсон. Гэхдээ
ганцхан тэр эмээ л намайг тэгж дууддаг. Цагаан сараар очихоор Сувдаа ирсэн байна
гэдэг юм.

-Та
хоёр бидний үгсийн санд салалт гэдэг үг байхгүй гэсэн амлалт өгч байсан гэсэн.  Тэр үеэ дурсаач?

-Бид хоёр
анх танилцаад бие биендээ сайн болох үед хайр гэдэг үг ямар нэгэн мэдрэмж гэхээс
илүү шийдвэр гэдгийг  сайн ойлгосон. Гэр бүл
болохгүй бол бие биендээ хайртай гэж хэлэхгүй байя гэж шийдэж байсан. Тэр шийдвэрээсээ
бид дараагийн шийдвэртээ хүрсэн байх. Энэ шийдвэрийнхээ төлөө бат зогсоно гээд салалт
гэдэг үгийг тоглоомоор ч гэсэн хэлэхгүй гэж шийдэж байлаа. Манай хамаат­нууд дунд
салсан хүмүүс зөндөө байдаг. Олон жил гэр бүл болж үлдсэн нь манай аав ээж хоёр
л байгаа. Бид хоёр гэрлээд 13 жил болж байна. Тэр олон жилд салмаар үе байсан. Чи
үгээрээ байхгүй байна гэж бие биендээ хэлэх үе ч гарсан. Гэхдээ тийм шийдвэр гаргасан
маань бид хоёрыг барьж байсан даа. Залуу хосуудад гэж хэлэхэд бүх юм түнэр харанхуй
харагдсан ч тас гүрийгээд явахаар ард нь гардаг л юм байна.

С.АРИУНЖАРГАЛ