Categories
мэдээ редакцийн-нийтлэл цаг-үе

Киногоороо бид гэр бүлийн хайр, нандин учралын тухай харуулахыг зорилоо

“Аврора” энтертайнментийн уран бүтээлчдийг бид “Зүрхэнд гэрэлтэх од”, “Дуудлага”, “Танхай тээгч” зэрэг уран бүтээлүүдээр нь таньдаг болсон. Тэгвэл тус хамт олон залуусын хайр сэтгэлийн тухай өгүүлэх “Учрал” нэртэй зургаа дахь бүрэн хэмжээний уран сайхны киногоо үзэгчдийн хүртээл болгоод байна. Хүн бүрийн сэтгэлийн нандин утсыг хөндөх тус киноны ерөнхий найруулагчаар Б.Чингүүн, хоёрдугаар найруулагчаар Ц.Золжаргал, зураглаачаар Г.Хосбаяр, хөгжмийн зохиолыг Л.Балхжав, С.Гантөр нар бичсэн бол гол дүрүүдэд О.Дөлгөөн, Т.Баттулга, Э.Алдар, Г.Анхмаа нар тогложээ. “Учрал” бүрэн хэмжээний уран сайхны киноны ерөнхий найруулагч Б.Чингүүнтэй цөөн хором ярилцлаа.

-Киноныхоо санааг хэзээ олов?

-Оны өмнө арванхоёрдугаар сарын үед бид шинэ кино хийе гэж төлөвлөөд “Учрал” киноны зохиолыг бичиж эхэлсэн. Тухайн үед “Танхай тээгч” бэлэн болгосон байсан. Нэгдүгээр сард “Танай тээгч” уран сайхны киног нээсний дараахан киноны зураг авалтанд орсон.

-Зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ?

-Сар гарангийн хугацаанд зураг аваад дууссан.

-“Учрал” киноны зохиолын хувьд яриач. Нийгэмд юу үзүүлэхийг зорив?

-Зохиолоо ямар нэг ном, зохиолоос сэдэвлээгүй. Энгийн амьдралаас урган гарсан. Ямар ч хүний амьдралд хайр оршин тогтносоор л байдаг шүү дээ. Тэр утгаараа хайр бол мөнхийн сэдэв. Киногоороо бид гэр бүлийн хайр, нандин учралын тухай харуулахыг зорилоо. Үзэгчид киногоо үзээд дүгнэлт хийх байх.

-Дүр сонголтын хувьд … ?

-Дүр сонголтын хувьд сэтгэл хангалуун байгаа. Ямар ч кинонд дүр чухал шүү дээ. Киноны гол дүрд О.Дөлгөөн, Т.Баттулга буюу Батуушка, Г.Анхмаа, Э.Алдар гэсэн дөрвөн залуу тоглосон. Харин туслах дүрүүдэд П.Цэрэндагва, Л.Дэмидбаатар, Б.Базаррагчаа, Ц.Ганзориг, Ш.Алтанцэцэг, Б.Баяржавхлан, Б.Шинэбаяр, Б.Мишээл нарын чадварлаг уран бүтээлчдийг сонгосон байгаа.

УЧРАЛ КИНОНООС РОМАНТИК МЭДРЭМЖҮҮДИЙГ МЭДЭРСЭН

“Учрал” киноны гол дүрийн залуу Ивээлийн дүрд тоглосон жүжигчин Т.Баттулгатай ярилцлаа.

-Киноны нээлтийн сэтгэгдлээ хуваалцаач?

-Маш сайхан байна. Киноны баг хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Ямар нэг урлагийн ажил дандаа хамтын бүтээл байдаг.

-Яагаад энэ кинонд тоглохоор болов?

-Дөнгөж он гарах үед киноны найруулагч Чингүүн маань надад санал тавьсан. Очиж уулзаад зохиолоо уншихад үйл явдал нь нүдэнд их гоё буусан л даа. Тэгээд тоглоё гэж бодсон. Миний хувьд 2015 оны анхны маань кино. Мөн хайр дурлалын кинонд анх удаа тоглолоо. Энэ жил уран бүтээлийн олз омог их байх нь гэж бэлгэшээж байгаа.

-Хайр дурлалын кинонд тоглох ямар байсан бэ?

-Мэдээж их гоё байсан. Ер нь дурлалт залуугийн дүрд тоглоё гэж боддог байлаа. Би найз охингүй болоод ч тэр үү бүтэн хоёр сар дурлалт бүсгүйтэй юм шиг явахад сэтгэлд их сайхан байлаа. Манай хамтлагийн дүү Дөлгөөн миний портнер болж тоглосон. Киноноос романтик мэдрэмжүүдийг маш сайхан мэдэрлээ дээ.

-Сургуулиа хэзээ төгсөж байв. Хэн хэнтэй суралцаж байсан бэ?

-2006 онд СУИС-ийг Н.Ганхуяг багшийн ангийг төгссөн. Манай ангийн олон залуус мэргэжлээрээ ажиллаж байгаа. Алтаншагай байна. Шинэ үеийн Ганбаа, Отгоо, Пароди хамтлагийн Нямка, “Х-түц”-д байсан Хулан гээд бүгд манай анги.

-Ажлын гараа хаанаас эхэлж байв?

-Ажлын гараа “Шинэ үе” продакшнаас эхэлж байсан. Оюутан байхдаа төгсөх курсэд ороод анхны жүжгэнд гарч байлаа. “Буруу эргэлт” гээд анхны кино маань мөн л “Шинэ үе”-ээс эхэлсэн. Миний анхны гэсэн бүх зүйл “Шинэ үе” хамтлагтай салшгүй холбоотой. Энэ дашрамд хэлэхэд Бооёо ахдаа маш их баярлаж явдаг шүү гэдгээ хэлье. Бооёо ахаасаа их юм сурсан шүү. Одоо ч гэсэн сурсаар л явна.

-Танд амьдралд баримталдаг зарчим бий юу?

-Амьдралд стресстээд байдаггүй минь миний давуу тал юм уу даа. Аль болох стрессгүй хөнгөн байдаг. Хямарсан ч аль болох өөр тийшээ өөрийгөө эргүүлж чаддаг.

-Залуу хүний хувьд үе тэнгийнхэндээ хандаж хэлэх үг байна уу?

-Адилхан залуу хүн юм чинь шүүмжлэл бол хэлмээргүй байна. Одооны залуус мундаг байна л даа. Анзаараад байхад залуус бие хаандаа ихээхэн анхаарал тавьж фитнесст явдаг болж. Архи дарснаас ч хол байдаг болсон байна.

-Та өөрөө хэр шоучин бэ?

-Би чухал гэсэн хүлээн авалт, хурим найранд гарч оролгүй яахав. Хүн л болсон хойно хааяа өөрийгөө тэгж баясгана шүү дээ. Зав гаргаад бүжиглэнэ, дуулна гээд хааяахан гарах үе бий.

-Таны өндөр, жин, дуртай өнгө гээд близ асуултанд хариулаач?

-Өндөр 182 см, жин 81 кг. Тэнгэр лүү харахад сэтгэл сэргээд сайхан байдаг учраас би “тэнгэр шиг” усан цэнхэр өнгөнд дуртай.

-Сүүлийн үед юу хийгээд байна?

-Манай Мөрөөдлийн театр хамтлагийнхан “Мөрөөдлийн баг дэлхийг аварна” гээд шоу ид дундаа тоглогдоод явж байна. Сүүлийн үед кино гэж яваад хамтлагийнхаа ажлыг жаахан цалгардуулсан. Одоо хамтлагийнхаа ажилд түлхүү анхаарч байгаа.

ЭНЭ КИНОГ ОРЧИН ЦАГИЙН РОМЕО ЖУЛЛьЕТтА ГЭЖ БОДОЖ БАЙГАА

Учрал киноны Намууны дүрд тоглосон жүжигчин О.Дөлгөөнтэй ярилцлаа.

-Учрал кино таны хэд дахь уран бүтээл вэ?

-Миний зургаа дахь бүрэн хэмжээний уран сайхны кино байх. Би энэ киног орчин цагийн Ромео Жульетта гэж үзээд байгаа. Амьдрал хүмүүсийн харилцааг харуулсан уран бүтээл болсон. Энэ удаад Намуун гээд гол дүрийн охинд тоглолоо. Би Аврора филмсийн залуустай анх удаа хамтарч ажиллаж байна л даа. Чадварлаг хамт олонтой хамтарч ажиллахад маш их таалагдсан шүү. Дээрээс нь дандаа залуу хүмүүс учраас илүү шинэ сэтгэлгээтэй санагдсан. Сар гаруй хугацаанд хамт байна гэдэг бага хугацаа биш. Бүгдээрээ хамт байгаад дассан байна лээ.

-Киноны санал тавьсан уу, зохиол нь ямар санагдсан бэ?

-Чингүүнээ ахыг ер нь богино хэмжээний киногоор мэддэг байсан л даа. Кинонууд нь өөрийн гэсэн өнгө, шийдлүүдийг чадварлагаар гаргаж байгаа харагддаг. Чингүүнээ ахыг “Учрал” кинонд тоглооч гэсэн санал тавихад их баярласан. Зохиолоо уншаад бүх их таалагдсан.

-Хэзээ сургуулиа төгссөн бэ. Анх яаж олны танил болж байв?

-2012 онд СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн. Анх Үндэсний телевизийн “Амьдралд тавтай морил” гээд 80 ангит киноны Золоогийн дүрээр олонд танигдаж байлаа. Тэр киноны багийхандаа маш их баярлаж явдагаа хэлмээр байна. Цаашлаад “Мөрөөдлийн театр”-тай хувь заяагаа холбосон. Хамтлагтаа ажиллаж байхдаа голоор нь хэд хэдэн уран сайхны кинонуудад тоглочихоод байна.

-Олны танил хүнээс охид үлгэрлэл авдаг байх. Биеэ авч явах тал дээр хэр анхаардаг вэ?

-Фэйсбүүк хуудас руу маань жаахан охид их юм бичдэг. Олны нүдэнд байнга харагдаж явдаг хүн учраас өөрийгөө зөвөөр авч явахгүй бол хүмүүс янз янзаар ярих тохиолдол зөндөө. Тэгэхээр хаана ч гэсэн биеэ аятайхан л авч явах шаардлага гардаг.

-Урлагийн хүнд өөрийн чинь ажлыг ойлгох хань чухал. Уншигчдадаа нөхрөө танилцуулахгүй юу?

-Манай нөхөр Гадаад харилцааны менежер мэргэжилтэй Очирпүрэв гэдэг залуу бий. Одоогоор хувиараа бизнес эрхэлж байгаа. Харьцангуй урлагаас хол, урлагийн хүн биш ч гэсэн намайг маш сайн ойлгож дэмждэгт нь баярлаж явдаг. Цаг наргүй ажилдаг намайг ойлгодогт ханьдаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Яаж танилцаж байв?

-Манай нөхөр “Next electronics”-т гадаад харилцааны менежер хийдэг байсан юм. Би “Next electronics”-ын нүүр царай нь болоод гэрээтэйгээр ажилладаг байхад нэг залуу байнга намайг хараад байдаг байсан. Тэр үед танилцсан даа. Бид хоёр одоо хөөрхөн хүүтэй болсон.

-Хүүхэд чинь их содон нэртэй юм билээ. Нэрийг нь хэн өгч байв?

-Хүүг маань Ивээлт-Од гэдэг. Нэрний хувьд Очирпүрэвийн О үсэг, Дөлгөөний Д үсгийг нийлүүлээд ямар ч байсан Од-той нэр өгнө гэж бодож байсан. Тэгээд л хоёулаа ярилцаж байгаад Ивээлт-Од гэж нэр өгсөн. Одоо миний хүү нэг ой өнгөрч байгаа.

-Охид бүсгүйчүүдэд сонин байх болов уу. Өндөр, жин, биеийн харьцаагаа хэлээч?

-Би 49 кг жинтэй, өндөр 163 см. Сүүлд үзэхэд өгзөгний тойрог маань 90 см байсан шүү.

-Залуусын амьдралын хэмнэл ямар байгаа юм шиг санагдаж байна?

-Залуустаа хэлэхэд ид залуу байгаа дээрээ завгүй байгаарай. Завгүй байвал маш их зүйлийг амжуулдаг юм шиг санагддаг. Миний хувьд бүх юм амжихгүй юм шиг мөртлөө гүйгээд байхаар их зүйл амжуулчихсан байдаг. Тэгэхээр ид эрч хүчтэй, энергитэй байгаа дээрээ завгүй амьдраарай. Эргээд харахад залуу насаа харамсахааргүй өнгөрөөх хэрэгтэй шүү дээ.

-Цахим ертөнцөд хэр идэвхтэй вэ?

-Фэйсбүүк, инстаграм гээд цахим ертөнцөд идэвхтэй. Би ч гэлтгүй бүх хүмүүсийн салшгүй хэрэглээ болж. Тэрийгээ л харахгүй бол болохгүй ч юм шиг болчихож. Дээрээс нь миний мэргэжилтэй уялддаг юм шиг санагддаг шүү. Хүмүүстэй илүү ойр харьцдаг. Олон хүмүүс надаас юм асуудаг. Тэр болгонд уулзаж чадахгүй болохоор фэйсбүүкээр хариу өгдөг.

-“Халз нүүрээ угаая аян” яваад байгаа. Өөрөө тэрэнд орсон байна лээ?

-Хүмүүс ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ, арьсаа яаж арчилдаг вэ гэж фэйсбүүк, аск.мн-ээс их асуусан. Би хангуг косметикийн Монгол дахь нүүр царай болоод бүтээгдэхүүнийг нь хэрэглээд жил гаруй болж байна л даа. Үнэхээр миний арьсанд таардаг юм. Тиймээс тэр асуултуудад хариу өгч “Халз нүүрээ угаая аян”-д орж бичлэг хийж фэйсбүүктээ тавьсан. Бичлэгтээ өөрийнхөө хэрэглэдэг бүтээгдэхүүнээр нүүрээ яаж буддагаа үзүүлсэн. Тэрийг сонирхсон хүн л үзэх байх л даа.

-Яагаад Мөрөөдлийн театрт оров?

-Энэ бол хувь хүний сонголт л доо. Гуравдугаар күрсэд байхад минь “Мөрөөдлийн театр”-т орох уу гэсэн санал тавьсан. Оюутан байхад минь намайг голохгүй тайзны уран бүтээлд оруулсан ах нартаа маш их баярладаг. Тэр утгаараа надад их үүрэг хариуцлага ирсэн л дээ. Бүтэн драмын жүжгийг хүмүүс үзэх гэж ирнэ шүү дээ. Оюутан байсан учраас би тэр дүрд тоглож чадах болов уу гэсэн айдас байдаг байсан. .

-Тоглохыг хүсдэг дүр бий юу?

-Жүжигчний мэргэжлээр төгссөн охидууд Жульеттад тоглохыг мөрөөддөг. Миний мөрөөдөл бол драмын театрт Жульеттагийн дүрд тоглох.

-Сүүлийн үед юу хийж байна?

-Хамтлагийнхаа шинэ тог­лол­тод оролцож байгаа. Мөн ирэх зунаас шинэ киноны зураг авалтад орох гэж байгаа.

С.Ариунжаргал

Categories
мэдээ цаг-үе

Би циркийн “Алиалагч” болно гэж мөн ч их мөрөөддөг байлаа

Үзэгчдэд хүлээлт үүсгээд байсан “Гурван найз – Яасан байх нь уу” инээдмийн уран сайхны кино дөрөвдүгээр сарын 22-ны өдөр нээлтээ хийлээ. “Гурван найз” олон ангит киноны найзууд болох Төгөлдөр, Санчир, Цэрэндалай нар бүрэн хэмжээний кинон дээрээ тогтсон амьдралтай болох аж. Тэд жил бүр нөхөрлөлийнхөө ойг тэмдэглэдэг уламжлалын дагуу энэ удаад гурван найз 22 жилийн ойг нижгэр тэмдэглэснээр хөгжилтэй олон адал явдлууд хөврөх нь ээ. Киног “Keystone films”, “Эмоци” продакшн хамтран бүтээсэн бөгөөд зохиолыг “Амьдралд тавтай морил” олон ангит киноны зохиолчоор ажилласан Ж.Оргил, “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин нар бичсэн байна. Харин найруулагчаар Ч.Ганзориг ажиллажээ. Мөн кинонд “X-Түц” продакшны жүжигчин А.Туяа, Т.Бархүү, дуучин Мино буюу Т.Номин, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр, “Шинэ үе”-ийн Ц.Ганбаяр, “Маск” продакшны Д.Дэлгэрсайхан, Э.Алдар нар оролцон тогложээ. Ингээд “Гурван найз” киноны Санчир буюу жүжигчин Д.Түвшинтөртэй ярилцлаа.

-“Гурван найз” киног олон ангит болгосон нь нэг ангиасаа юугаараа ялгаатай вэ. Та нар киногоороо юу харуулахыг хүсэв?

-Жүжиглэлтийн хувьд ялгаа байхгүй. Зураг авалтын хувьд ялгаа бий. Киноны багийнхан гурван сарын турш хамт павильонд байж 40 ангитай хийсэн. Нэг ангит киноны хувьд 20 хоногийн дотор л зураг авалт нь явагдаад дуусчихаж байгаа юм. Дараа нь монтаж, эвлүүлгүүд хийгдсэн гээд цаг хугацааны хувьд урт, удаан гэсэн ялгаатай юм уу даа. “Гурван найз” 40 ангит киноны анги болгон нь өөрийн гэсэн өнгө төрхтэй, өөр үйл явдлууд өрнөж байсан. Энэ удаагийн “Гурван найз Яасан байх нь уу” бүрэн хэмжээний уран сайхны кино мөн л нэг үйл явдлыг үзүүлнэ. Энэ киногоор өнөөдөр Монголын нийгэмд залуусын дунд нөхөрлөл ийм байна. Унаган багын найзуудын нөхөрлөлийн үнэ цэн юунд байдаг вэ гэдгийг харуулахыг зорьсон доо.

-Олон ангит кино гарч дууссаны дараа үзэгчдийн дунд нэлээд хүлээлт үүссэн.Бүрэн хэмжээний киноны нээлтийн сэтгэгдлээ хуваалцаач?

-Аливаа юмны нээлт их хэцүү байдаг. Бүрэн хэмжээний киноны нээлт сайхан болж байна. Киногоо нээгээд үзэгчидтэйгээ хамт үзчихээр л жаахан тайвширдаг. Ер нь дэлхийн олон ангит цувралууд ашиг орлого олох зорилгоор бүрэн хэмжээний кино бүтээдэг. Бид тэр жишгээр үзэгчдийн хүсэлтээр бүрэн хэмжээний бүтээл болгосон. Кино маань цааш дахин үргэлжлэх үү үгүй юу гэдэг нь үзэгчдээс шалтгаалж шийднэ.

-Нэг ангийнхан хамтарч кинонд тоглосон гэсэн байх аа?

-Тийм ээ. Баатархүү, Нарансолонго бид гурав Найдандорж багшийн шавь нар. Мөн Лхамхүү багшийн нэг ангийн нэг үеийн төгсөлтийн Анхаа, Тэмка, Эзэнмөнх, Туяа, Алдар гээд таван хүн тоглосон гээд сонин тохиолдлууд болсон.

-“Гурван найз- Яасан байх нь уу” киноны үйл явдал цааш хэрхэн өрнөх вэ?

-40 анги дээр гурван найз хайртай хосуудаа олж, хайр дурлалын цэцгийн үрийг тариад дууссан. Энэ цэцэг маань хэрхэн цаашаа ургасан байна вэ гэдгийг манай киноноос харах нь байна. Олон ангит дээр хэзээ ч хоорондоо таарч тохирохооргүй, бие биенээ үздэггүй байсан Нарансолонго Цэкү хоёр нийлж байх жишээтэй. Би Энэрэл буюу жүжигчин Баярмаатай угаасаа л 40 ангит кинонд хайр дурлалаа олчихсон байсан. Тэмка тоодоггүй байсан Мөөгийтэй сууна гээд энэ кинон дээр цаашаа ямар үйл явдал тохиолдохыг “Гурван найз- Яасан байх нь уу” киноноос үзээрэй.

-Та бүтэлгүй залуугийн дүрд тоглодог шүү дээ. Бүрэн хэмжээний кинонд хэр азтай байх бол?

-Дахиад бүтэлгүйтээд л явж байгаа. Дүрийн шугам бол өөрчлөгдөөгүй шүү. Бид энэ удаа үйл явдлыг ээдрээтэй болгох тал дээр маш сайн ажилласан.

-Таныг эмэгтэй хүний дүрд чадварлаг хувирдаг гэсэн дүгнэлт үзэгчдийн дунд бий?

-Жүжигчин хүн ямар ч дүрд хувирах чадвартай байх ёстой гэж заалгадаг. Мэдээж эмэгтэй хүний дүрд тоглох хэцүү байдаг. Миний хувьд эмэгтэй хүнийг их гоё талаас нь харуулахыг хичээдэг. Муухай эмэгтэй бол сонин биш шүү дээ. Эмэгтэй хүнийг гадна тал, дотор талаас нь урлах ёстой.

-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгочихов оо. Гэр бүлийнхэнд тань урлагийн хүмүүс байв уу?

-Манай гэр бүлийнхэн багш, эмч гээд сэхээтэн гаралтай хүмүүс. Ер нь ямар ч урлагийн төрлийн хүн байхгүй. Би багаасаа л жүжигчин болно гэж боддог байсан л даа. Гэхдээ кино, тайзны жүжигчин болно гэж бодож байсангүй. Циркийн “Алиалагч” болно гэж мөн ч их мөрөөддөг байлаа.

-Сургуулиа төгсөөд ажлын гараа чинь хаанаас эхэлж байв?

-Би 2001 онд СУИС-ийн жүжигчний анги төгсөөд “Х-түц” хамтлагт орж байсан. Тэрнээс хойш 2013 оныг хүртэл хамтарч ажилласан. 2013 оноос “Эмоци” продакшныг үүсгэн байгуулаад хоёр жилийг ардаа үлдээжээ. “Эмоци” продакшн гэхээр хүмүүс Баатархүү, Нарансолонго, Төтө, Тэмка гэж ярьдаг юм билээ. Нийгэмд сайн үнэлгээтэй байгаадаа баярлаж байгаа.

-Таныг яагаад Төтө гэж дууддаг юм бэ?

-Оюутан байхад найзууд маань өгсөн нэр. Хоч ч гэх юм уу. Оюутны найзууд маань Түвшинтөрөө гэж дуудахаас залхуураад Төтө гэж дуудаг байсан юм. Тэр нэрээрээ одоог хүртэл дуудуулж явна.

-Урлагийн хүнд гэр бүлийн хүн чухал. Ханийнхаа тухай яриач?

-Тэгэлгүй яахав. Би эхнэртэйгээ арван жилд байхдаа учирсан хүн. Гэргий маань намайг үргэлж ойлгож дэмжиж байдаг даа. Одоо эхнэр гурван хүүхэдтэйгээ сайхан амьдарч байна.

-Нөхөрлөлийг хүмүүст ойлгуулах гэж кино хийчихлээ. Та нөхөрлөлийг юу гэж боддог вэ?

-Бооёо ах “Нөхөрлөл эхэлсэндээ биш, найзалж яваад яаж дууссандаа л үнэ цэн нь оршдог” гэж ярьж байсан. Ер нь зовох цагт хамт байдаг, баярлах үед хуваалцаж чаддаг байхад нөхөрлөлийн үнэ цэн оршдог юм болов уу гэж боддог.

-“Эмоци” продакшн сүүлийн үед юу хийж байна?

-Киноны хажуугаар “Тоглож болохгүй тоглоом” шоугаа ҮЭСТО-нд өдөр болгон тоглож байгаа. Мөн дараагийн тайзны бүтээлүүд ар араасаа төлөвлөгдөж байгаа.

С.Ариунжаргал

Categories
мэдээ цаг-үе

“Asia’s got talent” шоунд “Хөсөгтөн” хамтлаг хагас финалд шалгарчээ

ОЛОН АВЪЯАСТНУУДААС ҮНЭЛЭГДЭЖ ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ БОЛОМЖТОЙ ГЭДГЭЭРЭЭ “ХӨСӨГТӨН” ХАМТЛАГ ОНЦЛОГ

“Asia’s got talent” шоу нэвтрүүлэгт Монгол орноо төлөөлж Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын “Хөсөгтөн” хамтлаг язгуур урлагаар оролцож шилдэг 24-т буюу хагас финалд шалгарчээ. Хөсөгтөн хамтлаг морин хуурч, хөөмийч В.Батзориг, лимбэчин, цохиур хөгжимчин, хөөмийчин Г.Адъяадорж, товшлуурч, хөөмийч, дунд хуурч Х.Уламбаяр, их хуурч, хөөмийч Д.Ариунболд, ятгачин, дуучин Ч.Амарбаясгалан, морин хуурч, хөөмийч О.Чулуунбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй билээ. Энэ талаар морин хуурч, хөөмийч В.Батзориг болон “Хөсөгтөн” хамтлагийн продюсер М.Оргилтой ярилцлаа.

-“Asia’s got talent” шоу нэвтрүүлэгт яагаад оролцохоор болов. Мэдээллийг хаанаас авч байсан бэ?

-Анх өнгөрсөн жил “Марко Поло” киноны нэгдүгээр бүлэг дээр ажиллаж байхад Жэссика Луис гээд жүжигчдийн сонгон шалгаруулалтыг хариуцсан хүн дараа нь “Asia’s got talent” шоуны шалгаруулалтын захирлаар ажилласан юм. Жэссика Луис надад “Азийн авьяастан”-уудыг шалгаруулах гэсэн юм. Монголоос авьяастай хүмүүсийг оруулах сонирхол­той байна хамтарч ажиллая гэсэн санал тавьсан. Учир нь би “Марко Поло” кинонд хоёр хөөмийч авч явж бид гурав монгол баатрууд хөөмий тоглож байгаа хэсэгт тоглосон юм. Тэр хэсгийг хараад хөөмийн урлагийг биширсэн хэрэг. Тэр хоёрын нэг нь “Хөсөгтөн” хамтлагийн Батзориг, нөгөөх нь “Алтайн оргил”-ын Зоригоо байсан. Тэгээд би Монголоос авьяас­тан сонгон шалгаруулах ажилд орж хамтлаг, дуучид, циркчид, бөх, уртын дуучдын бичлэгийг “Asia’s got talent” шоу руу явуулсан. Тэндээс чуулгын харьяа “Хөсөгтөн”, “Жалам хар” гээд хоёр хамтлаг сонгогдон уг шоунд оролцсон юм. Энэ хоёр хамтлаг маань хоёулаа ардын урлагаа үзүүлж эхний шатаа давж чадсан. “Хөсөгтөн” хамтлаг маань одоо хагас шигшээд шалгарчихаад байна.

Энэ шоунд оролцсоноор “Хөсөгтөн” хамтлагийн хувьд ямар давуу талтай вэ?

-Соёл урлагийн шинэ чиглэл урсгал нээгдэж байна. Ардчилсан нийгэм рүү ороод 25 жил болсон ч манай соёл урлагийн тэр сайхан үнэт өв маань “Хөсөгтөн” хамтлагаар хадгалагдаад хөгжиж байна. Энэ нь хуучны бодлого маань үүнийг сайхан авч явж байгаагийн илрэл. “Хөсөгтөн” хамтлаг үүнийгээ хөгжүүлээд дэлхийд таниулж олон наадамд ороод байна. Тэр наадмаас ялгаатай нь энэ шоу маань цэвэр эдийн засгийн гарц болох бүрэн боломжтой. Энэ шоунд оролцсоноор хэдэн сая хувиар цомгоо борлуулдаг дэлхийн хэмжээний том дуучид, продюсер, уран бүтээлчидтэй ажилладаг “Sony entertainment”-тай хамтарч ажиллах үүд хаалга нээгдэнэ. Энэ бол дэлхийд гарах бодит боломж гэсэн үг. “Энигма” Монголын уртын дуучин Нэргүй гуайн дууг аваад ашиглачихсан. Гэтэл Нэргүй гуай өөрийнхөө эрхийг хамгаалж чадаагүй өнгөрсөн. Би “Хөсөгтөн” хамтлагийн продюсерийн хувьд зүгээр холбоод зогсохгүй энэ том байгууллагатай хууль эрх зүйн дагуу “Хөсөгтөн”-ий эрх ашгийг хамгаалж тохиролцоод явж байгаа. Энэ нь Монголын энэ морин хуур, хөөмий гэдэг урлаг танигдаад сурталчлагдаад зогсохгүй энэ хамтлагийнханд маань ашиг болох учиртай. Хаана ч явсан эдийн засгийн эргэлтэнд орсон худалдааны соёл урлаг түгээгдэх нь илүү байдаг, олон ч хүнд хүрдэг. Энэ уралдааны ач холбогдол тэрэндээ байна. Олон авьяастнуудаас үнэлэгдэж чадах, зах зээлд гарах боломжтой. Тийм бүтээл гаргаж, хийж чадаж байгаагаараа “Хөсөгтөн” хамтлаг онцлог. Үүнийг нэг талаас улс Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга хэлбэрээр соёлоо их сайхан авч явж байна. Чуулгад манай язгуур урлаг бүгд хадгалагдаад санхүүжигдээд хөгжөөд байж байдаг. Энэ сайхан авьяасыг эргэлтэд оруулах хэрэгтэй. Эргэлтэд оруулахын тулд продюсерийн менежмент хэрэгтэй. Нөгөө талаас бусад урлагийн дуучид, бүжигчид ийм гарц эрэлхийлэхэд нээлттэй болж байна.

ХАГАС ФИНАЛД ШАЛГАРАХ ХҮРТЭЛ ШҮҮГЧИД БИДНИЙГ

100 ХУВЬ ДЭМЖИЖ БАЙСАН

Хөсөгтөн хамтлагийн морин хуурч, хөөмийч В.Батзоригтой ярилцлаа.

Танай хамтлаг хагас финалд шалгарчихлаа. Азийн авьяастнуудаас ялга­рах онцлог нь юу байв аа?

-Оргил ахын явуулсан материалаас манай хамтлаг шалгарч энэ том шоу нэвт­рүүлэгт оролцохоор болсон. Хамгийн эхний шат нь оны өмнө арваннэгдүгээр сарын сүүлээр Малайзын Чохорбарав хотод болсон. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Цэрэндорж гэдэг хүний “Чингэс хаан” гэдэг магтаалаар эхнийхээ үеийг давсан. Эхний шатанд амжилттай оролцсоны дараа Сингапурт хоёрдугаар шат болсон. Ер нь Малайз, Сингапур хоёрт ээлжлээд бүх шат нь явагдсан. Шоунд оролцож байгаа уран бүтээлчид ерөнхийдөө орчин үеийн дуу, бүжиг, илбэ, циркийн үзүүлбэрүүдийг үзүүлж байна лээ. Бидний тэднээс ялгарах зүйл нь ардын урлаг. Тэр дундаа хөөмийг голчилж үзүүлсэн. Бидний тактик бол хөөмийгөөр давамгайлсан уран бүтээлээр л оролцож байгаа явдал. Манайхаас гадна ардын урлагаар орж байгаа хамтлаг цөөхөн.

Дөрвөн шүүгчид хэн хэн байгаа вэ. Та нарыг яаж хүлээж авч байв?

-Тайвань гаралтай бүжигчин, дуучин, жүжигчин гээд Азидаа супер од Van Ness Wu. Индонез гаралтай дуучин Anggun, дэлхийд нэртэй хөгжмийн продюссер David Foster. “Spice girls” хамтлагийн дуучин Melanie C нар шүүгчээр ажиллаж байна. Шүүгчид биднийг гайхалтай хүлээж авсан. Бид Азийн авьяастнуудаас гадна олон оронд тоглолт хийж байсан л даа. Тэр бүрд Монголын ардын урлагийг гайхан биширч хүлээж авдаг шүү. Бидний эхний шатанд орсон бичлэгийг youtube дээрээс харвал шүүгчид биднийг ямар өндөр сэтгэгдэлтэйгээр хүлээн авч байгаа нь тодорхой харагдана. Биднийг гайхаж их сайхан хүлээж авсан шүү.

Шоунд оролцох байх үеийн сэтгэгдлээ хуваал­цаач?

-Шоунд ороод харж байхад өнөөдөр ардын урлагийг монголчууд шиг сайхан өвлүүлж явж байгаа нь бахархмаар байсан. Үндэсний ардын урлагаа олон нийтийн хүртээл болгон тийм том шоунд оролцож байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Дээрээс нь Япон, Хятадын ардын урлагийг тэд манай хөөмийг гайхаж хүлээж авсан шиг авахгүй л гэж бодож байна. Орчин үеийн дуу бүжиг өндөр түвшинд хөгжчихсөн байгаа үед энэ бүхэнтэй өрсөлдөхүйц хэмжээнд байна гэдэг хамгийн том бахархал.

Шилдэг 24 дундаа Монголын “Хөсөгтөн” хамт­лагийн рейтинг хэр байна?

-Тун гайгүй байгаа шүү. Хагас финалд шалгарах хүртэл шат шатны үзүүлбэрүүдийг шүүгчид 100 хувь дэмжиж байлаа. Бүр “Asia’t got talent”хуудсан дээр санал асуулга явуулсан байна лээ. “Язгуур үндэстний урлаг дундаас та нар алийг нь илүү гэж бодож байна вэ” гэсэн асуулт тавиад манай хамтлаг болон Тайландын ардын урлагийн номер үзүүлсэн хамтлагийг тавьсан байна лээ. Гэтэл хамгийн эхний сэтгэгдэл дээр тайланд залуу би уг нь тайланд хүн гэхдээ “Хөсөгтөн” хамтлаг хамаагүй илүү байна гэсэн байсан. Тэгэхээр гадныхан хүртэл монгол хөөмий, морин хуур гээд энэ сайхан урлагийг үнэлж байна гэж ойлгож байгаа. Одоо санал асуулгаар шилдэг ес шалгарна шүү дээ.

Шоунд хичнээн орноос оролцож байгаа вэ. Олон улсад манай язгуур урлаг нэлээд сурталчлагдаж байгаа юм байна?

-Азийн бүх орноос оролц­сон. “AXN” телевизээр Азийн 20 гаран оронд цацаг­даж байгаа. Мөн бид нар тоглолтод ороод гараад ирэхэд нэг удаад олон улсын 7,8 телевизээс ярилцлага авч байгаа. Филиппин, Тайвань, Солонгос, Вьетнам, Хятад, “AXN”, youtube гээд л бидний мэдэхгүй олон улсын телевизүүд ч байх шиг байна. Ази дэлхийн хамгийн олон хүн амтай, том тив. Хятад, Энэтхэг гээд тэрбум гарсан хүн амтай өрсөлдөгч нар бий. Тэр олон өрсөлдөгч дундаас шилдэг 24-д шалгарна гэдэг амжилт.

-“Хөсөгтөн” хамтлаг анх яаж байгуулагдаж байв?

-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга 2009 онд хөөмийн томоохон наадам болоод тэрэнд үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулганд хөөмийлдөг авьяаслаг хөөмийчид нэгдэж хамтлаг болж орж байсан. Тэгээд “Хөөмийн түрлэгтэй эх орон” тоглолтод хамтлагаараа орж байлаа. Дараа жил нь олон улсын тэмцээнд ороод бид гранпри шагнал хүртэж байсан. Тэгээд л цаашдаа хамтарч уран бүтээл хийж болох юм байна гэж ярилцаад санал нэгдэж хамтлаг байгуулж байлаа. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулганаас түрэн гарч ирсэн хамтлаг. Одоо ч гэсэн ажиллаж байна.

Шоуны хувцас жигд­рэлтэнд хэрхэн анхаарч байв?

-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулганаас бидэнд хийж өгсөн гоё хувцаснууд байгаа. Мөн хувиараа ч оёулна. Энэ шоунд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга бидний хувцсан дээр их тусалсан. Байгууллагын удирдлага, нийт хамт олондоо талархлаа илэрхийлье.

-“Asia’s got talent” шоуны шагнал юу байх вэ?

-100 мянган америк доллар. Sony entertainment-тай хамтран ажиллах гэрээ хийнэ. Дэлхийн хамгийн том компанитай гэрээ хийнэ гэдэг тэр хамтлаг, дуучид дэлхийн хэмжээнд очно гэж ойлгоход болно. Сингапурын “Marina Bay sands” үйлчилгээний бөгөөд соёл урлагийн цогцолборын тайзан дээр тоглох гэрээ хийгдэнэ. Мөн хагас шигшээд орсон тохиолдолд биднийг сонирхолтой мундаг хамтлаг байна гэж үзвэл гэрээ хийх магадлалтай. Шигшээ буюу шилдэг ест орсон тохиол­долд тэр магадлал илүү өндөр болно. Шилдэг есөө шал­гаруулсны дараа тавдугаар сарын 14,15-нд тэргүүн байрыг тодруулах үйл ажиллагаанууд болох юм билээ.

Санал асуулга хэзээ болох вэ?

-Дэлхийн том шоу учраас шударга болно. Энэ шатанд интернет орчинд санал асуулгаар авна. Бидний өрсөлдөгч дунд хүн ам нь хэдэн тэрбум, саяар тоологдох улс бий. Хамгийн цөөн хүн амтай нь манайх байх. Гэхдээ хүн ам цөөн ч гэсэн санал асуулгад идэвхтэй байвал гайгүй байх.

Санал асуулга өнөөдөр орой Сингапурын цагаар 20.00-с эхлээд 27-ны орой 00.00 цагаас дуусах юм. Энэ нь Монголын цагаар өнөөдрийн 21.00 цагаас 27-ны орой 01.00 цаг хүртэл санал асуулга явагдана.

Та саналаа өгөхдөө “Asia’s got talent” хуудас руу ороход “vote now” гэсэн зэс байгаа. Тэр зэс рүү дараад ороход бидний өрсөлдөж байгаа хүмүүсийн зураг, манай хамтлагийн зурагтай байгаа. Бидний зурагны доорх улаан товчин дээр дарна. Нэг хүн нэг л удаа санал өгөх эрхтэй гэдгийг манай залуус санаарай. Ардын урлагаа, Монголоо, “Хөсөгтөн” хамтлагаа дэмжээрэй.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
редакцийн-нийтлэл

Манай хамтлагийн дуу зөнгөөрөө ард түмний дуу болчихсон

“Madness” хамтлагийн ахлагч дуучин Ч.Оюунсайхантай уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-“Madness” солиорол гэсэн утгатай юм билээ. Яагаад ийм нэр өгч байв аа?

-Манай хамтлаг 1994 онд трэш метал стилиэр тоглож эхэлж байсан. Хөх тэнгэр радио дээр арав гаран дуугаа бичүүлчихээд Оюунтунгаа хөтлөгчтэй шууд ярилцлагад орж байсан юм. Оюунтунгаа тэр үед та нарт “Madness” гэж нэр өгчихмөөр байна хамтлагийн чинь нэрийг сольчихож болох уу гэсэн. Тухайн үед өөр нэртэй байсан юм л даа. Жаахан ч байж тэгье гээд л “Madness” нэртэй болсон түүхтэй. “Madness” хамтлагийн хувьд метал хөгжим хөөж байгаад 1997 онд “Хотын гудамж” гэж дуу хийснээр стилиэ зөөллөж рок, поп урсгал руу орсон.

-Тухайн үед бөмбөрчин чинь орос байсан байх аа. Анхны бүрэлдэхүүнд хэн хэн байв. Одооны гишүүдийн хувьд…?

-Анх бөмбөрчин Вадим, соло гитарчин Тамираа, гитарчин Ганга, басс гитарчин Гэрэлтнаран гэсэн бүрэлдэхүүнтэй байлаа. Вадим Монголд арав гаран жил амьдарсан залуу байсан. Тухайн үед аав нь Ленин клубийн Орос талын захирал байсан юм. Одоогоор Вадим Орост амьдарч байгаа. Бас манай нэг гишүүн маань Хятадад амьдрахаар болсон. Ганга маань одоогоор тусдаа уран бүтээл хийж байгаа. Хамтлагийн нэрний эрх над дээр байдаг учраас “Madness” нэрээрээ залуу баг бүрдүүлсэн. Одоогоор дуучин Ч.Оюунсайхан, соло гитарчин М.Гэрэлт-Од, бөмбөрчин М.Алтан­шагай, басс гитарчин Т.Боорч гэсэн бүрэлдэхүүнтэй байна.

-Анх байгуулагдаж байсан үеэ дурсаач?

-Би оюутан болж ирээд л ХААИС-ийн клубийн эрхлэгчийн хүүхэд Дөлөө гээд залуутай танилцаж байлаа. Тэгээд бид хоёр ярилцаад хамтлаг байгуулъя гэж байтал Саруул компанийн том техник хэрэгсэл дээр гэнэт буучихсан. “Madness” хамтлаг хангалттай хөгжим техник хэрэгсэлтэй болчихсон.ХААИС-ийн урлагийн заалыг ашиглаж бэлтгэл хийснийхээ оронд оюутны шинэ жилийн баяраар дуулж өгдөг замналаар л эхэлж байсан. Тэрнээс хойш Вадимтайгаа нийлээд Ленин клубын техник хэрэгсэл дээр очсон. Тухайн үед “Нисванис” манай өрөөнд ирж бэлтгэл хийдэг байлаа. Бид зэргэлдээ сургуулийн нэг үеийн л хоёр хамтлаг байгуулагдаж байсан юм.

-Танай хамтлагийг “Хотын гудамж” дуугаар нь мэдэхгүй хүн байхгүй. Дуу төрсөн түүхээсээ хуваалцаач?

-Би Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн. Арван жилээ төгсөөд Улаанбаатар хотод ирээд хөгжмийн сургуульд орж байлаа. Оюутан болж Улаанбаатар хотыг харсан сэтгэгдэл маань энэ дуунд гарч байгаа юм. Тэр нь хүмүүст их таалагдсан.

-“Madness” хамтлаг одоогоор хичнээн цомог гаргаад байгаа вэ?

-Манай хамтлаг гурван цомог, 20-оод видео клиптэй. Удахгүй дөрөв дэх нь гарах гэж байна. Дөрөв дэх цомог маань “Best of Madness” гээд өмнө нь орсон гурван CD-ны дуу болон өмнө нь ороогүй дуунууд орно.

-Таныхаар амьд хөгжим тоглож байгаа хамтлагуудаас танай хамтлаг аль түвшинд явж байгаа бол?

-Бидний өмнө “Харанга”, “Хурд”, “Никитон”, “Соёл Эрдэнэ” хамтлаг байгуулагдаж байсан. Бидний үед “Нисванис” манайх хоёр байгуулагдсан. Сүүлд их олон хамтлаг гарч ирсэн байна. Тэр бүгдийг хийсэн уран бүтээл, хүнд хүрсэн байдлаар нь сонсогчид дүгнэх байх.

-Шинэ залуу амьд хөгжмийн хамтлагуудын хувьд танд ямар санагдаж байна?

-Амьд хөгжмийн хамтлаг олон гарч ирэх тусмаа сайн. Тэр утгаараа бид нар бэлтгэлийнхээ байранд 4,5 хамтлаг бэлдүүлж байгаа. Нэг таалагдаагүй юм нь туйлбаргүй юм шиг. Тэр нь нийгэмтэйгээ холбоотой юм уу даа. Ганц сар болоод нэг хүн солигдох ч юм уу. Эсвэл бүр хамтлаг тарах асуудлууд байна. Яг болж байгаа “A sound”, “Lemons” бол гоё байна. Үнэхээр сонсох дуу тэдэнд байна. Тэрнээс доош залуу хамтлагууд нэг л хөлөө олохгүй байх шиг. Бид нар өмнө нь тоглох гээд очсон газар бөмбөргүй байдаг байсан. Тэр үед хувийн машин гэж байсангүй. Таксинд өсгөгч, бөмбөрөө ачиж аваачаад зоож тоглочихоод явдаг байсан. Одоо харьцангуй гитар, бөмбөрийн палкаа барьж очоод л тоглочихдог болсон. Амархан болчихоод байна шүү дээ. Үүний төлөө тэмцэх залуус сул байгаа юм болов уу.

-Хуучин дуунуудаа шинэчилж дуулсан байна лээ. “Хотын гудамж” дууг Харангийн Лхагваа, Зочин дууг реппер Gee-тэй хамтарсан байсан?

-Өөрсдийнхөө мартагдсан дууг сэргээж дуулах хэрэгтэй юм байна гэж үзээд “Чамдаа зориулъя” гээд Дорнодын “Цуурай” хамтлагийн ахлагч Энхтүвшин бичиж байсан дууг дуулсан. Мөн “Зочин” дууг тэр үед манай гитарчин дуулчихсан байдгаар нь хүнд хүрчихсэн. Тухайн үед банзан гитартай дуулсан гитарын тоглолттой дуу байсан л даа. Бид ярилцаад дундуур нь жаахан ритмтэй болгоё гээд Gee-тэй хамтарч дуулсан. Тэр шинэчилсэн хувилбар маань хүмүүст таалагдсан. “Зочин” дууг одоо хаана ч очсон дагаад дуулдаг шүү. Харангийн Лхагва ахтай “Хотын гудамж” дууг Улаанбаатар хотын ойгоор дуулсан. Одоо Агиймаатай “Сүүлчийн хавар” гээд төгсөгчдийн дуугаа шинэчилж дуулж байна.

-Сая гадаадаар тоглолтоор яваад ирлээ. Хүмүүс хэр хүлээж авч байв?

-“Madness” Европоор дөрвөн жилийн өмнө тойрсон. Тэр үетэй харьцуулахад одоо тоглолт их очоод Монголдоо байгаа юм шиг болсон байна. Сард нэг тоглолт очоод монголчуудыгаа баярлуулчихдаг болж. Амьд хөгжим гэдэг утгаараа үнэ цэнтэй байна. Сая Лондонд мартын 8-аар явсан. Шинэ жилийн ажил дуусаад амралт маягаар Шингений 6,7 орноор ороод монголчуудтайгаа уулзлаа. Тоглосон заал нь дүүрэх ч тоглолт байсан, тал ч байсан, бага ч байсан.

-Хамгийн их үзэгчтэй орон нь аль байв?

-Швэд, Герман, Швецарь дажгүй байлаа шүү. Тоглолт хийх зуураа Парист “Уйдсан сэтгэл” гээд уянгын хайрын дууны клипний зураг авалт хийчихээд ирсэн. Тэр клипний монтаждаа орох гэж байна.

-Байгуулагдаад хичнээн жил болов. Монголдоо хэзээ тоглолт хийх вэ?

-17 жил болж байна. Одоо тоглолт хийх гэхээр жаахан чамлалттай байна. 15 жилийн өмнө хийсэн зүйлээ тайлагнаад концерт нэгэнт тоглочихсон. Одоо бид тоглолт хийхийн тулд дор хаяж 2,3 цомгийн дараа хийх ёстой. Хэр их дайчин ажиллаж, хэр их уран бүтээл хүнд хүрч байна гэдгээс шалтгаалаад тоглолтоо төлөвлөнө. Нийтийн дууны нөхдүүд шиг нэг дуу дуулаад л нийлээд концерт хийгээд байж болохгүй л дээ. Тиймээс дор хаяж 3,4 жил болно.

-1990 оны залуус болон одоогийн үеийн залуусын сонирхол хэр өөр байна?

-Бид уран бүтээлээ өөрсөндөө таалагдах хэмжээнд хийж байж кайф авдаг. Одооны залуус юу сонсож байна гээд хувираад байх хэцүү л дээ. Интернет, утас, зар гээд л бүх талаараа 180 градус эргэчихсэн цаг үе. Бид ҮЭСТО-нд 1994 онд тоглоход шөнөжин гудамжаар автобусны буудал дээр канондсон цаас наагаад л явж байсан. Одооных шиг аннонс байдаггүй байлаа. ҮЭСТО урд даавуун дээр гараар зурчихсан хохимой толгойтой аннонс наагаад л найз нөхдийнхөө хүрээнд л реклам хийнэ. Одооны залуучуудын сэтгэхүй шал өөр болсон. Бидний хувьд залуусыг барих гэж дуу хийхгүй. Madness-ийг сонсох масс байж л байгаа. Бид өөрсдөндөө таалагдаад л явна. Тэртэй тэргүй “Хотын гудамж”, “Зочин”, “Минийх”, “Нэг өдөр” дуунууд маань хүнд хүрчихсэн. Тэр дуунуудыг бид нийтийн дууныхан шиг FМ, телевизээр тавьж гүйж байсангүй. Бид дуунуудаа гаргаад нэг телевизэд өгөөд орхиж байсан. Тэгэхэд манай телевизэд авчирч өгсөнгүй гэж гомдож байсан үе бий. Одоо зарим нөхдүүд дуу гаргаад FМ-ээр зоолгоод мөнгө төлөөд, телевизээр өдрийн 5,6 гаргая гээд л гүйдэг болж. Бид одоог хүртэл тэгж үзээгүй. Зөнгөөрөө 5,6 дуу ард түмний дуу болчихсон байгаа.

-Дууны үг, ая хэн бичиж байна?

-Үг, ая голдуу минийх. Манай Гэрэлтнаран гээд басс гитарчны аянууд бас их зонхилдог.

-Клипний зураг авалт санаа нь содон байдаг. Санааг нь яаж гаргадаг вэ?

-Дээр үед дуугаа аваачиж өгөөд “G-entertainment”, “Hero”-гийн Баатар ийм зохиол байна гэхээр л гоё санагдаад хийчихдэг байсан. Сүүлийн үед тэрэндээ бас оролцох сонирхолтой болчихож. Ингэвэл гоё, ийм гээд л. Гэхдээ “Madness”-ын хувьд үлгэр домог шиг клип сонгохоосоо илүү энгийн клипнүүдийг сонирхдог. Дууг нь сонсохгүй дүрсийг нь үзээд байхгүйгээр үгийг нь л сонсох гол шүү дээ. Өмнөх дөрвөн клипийг “G-entertainment” хийж байсан. Тэрнээс хойш дандаа “Roll entertainment” манай клипэн дээр ажиллаж байгаа.

-Хөрөнгө мөнгөний хувьд яаж шийдэж байна?

-Миний хувьд хөгжим маань хобби маягаар явж байна. Хувиараа бизнес эрхэлдэг. Яагаад гэвэл Монгол гурван сая хүн амтай. Бид нар 300 сая хүнтэй байсан бол Хотын гудамжийг дуулаад би тэрбумтан болчихсон байгаа. Өөр юу ч хийхгүй амьдарч болно шүү дээ. Тиймээс заавал хажуугаар нь юм хийх ёстой. Долгион ах “Хөгжимд нэг л орвол гарч чаддаггүй” гэж надад хэлж байсан. Урлагт хайртай, амьд хөгжимдөө дуртай учраас би явж байна. Дээрээс нь хүн миний дууг сонсоод дагаад дуулж байгаагаас кайф авдаг.

-Хамтлагийн студийнхээ талаар яриач. Хэзээ байгуулагдаж байв?

-Студи байгуулагдаад хоёр жил болж байна. Цэвэр өөрсдийн уран бүтээлээ хийдэг. Одоо ганц, хоёр дуучинтай хамтраад уран бүтээл, ард талын ажлыг нь хийх санаа байна.

-Сүүлийн үеийн шинэ уран бүтээлийнхээ талаар яриач?

-Одоо “Best of Мadness” цомог гарч байна. Манай хамтлаг шинэ гурав, дөрвөн дуу хийгдчихсэн байгаа юм. Энэ жилдээ багтвал дахиад шинэ цомог хийх санаа байна. Тэр нь “Madness 5” цомог нь байна. Шинэ цомог стилийн хувьд баригдмал биш. Би өөрөө сонсогч. Өдөр болгон зурагтаар хөгжмийн нэвтрүүлгээр барууны дууг сонсдог. Тэдний стиль нь миний чихийг нүдэж, толгойг угааж байна. Тиймээс жаахан шинэлэг дуунууд хийнэ.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Алмасын тухай сонин хачин түүхүүд

Эрт дээр үеэс алмасын тухайам дамжсан яриа хүн төрөлхтний дунд явсаар өнөөдрийг хүрсэн. Монголчууд бид битгий хэл хойд Америкийн индианчууд хүртэл алмасын тухай янз бүрийн үлгэр домогтой төдийгүй болсон явдал мэт сонин тохиолдлуудын талаар дурсан ярьсан нь олонтаа. Тэр ч бүү хэл дэлхийн улс орнууд алмасыг олон янзаар нэрлэсээр ирсэн байдаг. Алмас байдаг гэжзоригтой хэлж чадах хүн байхгүй мөртлөө бас байдаггүй гэж хэлж чаддаггүй.Саяхан Америкийн Жоржи уулнаас анчид хүн дүрст нэгэн амьтан олжээ. Бие нь улаан шаргал битүү үстэй, 2.5 см өндөртэй энэ амьтныг шинжээчид одоогийн байдлаар цасны хүн буюу алмас гэж тодорхойлжээ. Анчдын баталж буйгаар алмасыг олох үед тэрбээр амьсгал хураагаагүй байсан гэнэ. Ямар нэг амьтантай тулалдаж хүнд шархадсаны улмаас үхсэн гэх энэ учир битүүлэг амьтны цогцос найдвартай газар, хөлдөөгчинд хадгалагдаж байгаа аж. Эрдэмтэд түүнээс ДНК-гийн шинжилгээ авсан бөгөөд шинжлэх ухааны олон салбарт шинэ нээлт болно хэмээн олзуурхаж байгаа гэнэ. Энэ мэдээллийг олж үзээд алмасны талаар бяцхан “судалгаа” хийлээ. Анхаарал татсан сонирхолтой хэсгийг түүвэрлэн хүргэе.

Түүх сөхье. 1800-гаад оны үеэс анх алмасын тухай мэдээлэл барууны ертөнцөд тархсан нь өнөөдөр түүх болон үлдэж алмас энэ дэлхийн хүмүүсийн дунд оршин тогтнох үндэс болсон байх. Алмасыг Төвд, Балбын уулсын нутагт, Гималайн нуруунд олноор байдаг гэж судлаачид үздэг юм билээ. 1832 онд Б.Х.Ходжсоны аяллын тэмдэглэлийг Бенгалийн Ази нийгэмлэгийн сэтгүүлд нийтэлсэн байдаг. Тэрнийтлэлд Б.Х.Ходжсон Умард Балбад аялахдаа өндөр, бүх бие нь бараан өнгийн үсээр хучигдсан, хоёр хөл дээрээ явдаг амьтныг олж харснаа бичиж, түүнийг “Орангутан мич” хэмээн нэрлэжээ.Үүнээс хойш алмасын тухай байж болох үндэслэл гаргасан хүн бол Лоренс Уэддэл. Тэрбээр 1889 ондЛоренс алмасны мөрийн тухай олон баримтыг гаргаж ирсэн байдаг. Гэвч түүнийг нь тухайн үед том баавгайн мөр гэж үзжээ.

20 дугаар зуун эхлэхэд барууныхан өндөр уулсын бүсэд аялах нь эрчимжсэн юм. Тэр дундаа Төвд, Балбыг сонгон аялах нь түгээмэл болсон. Энэ л үеэс алмасын тухай мэдээлэл дэлхий нийтэд олон домог, тохиолдлуудаар хачирлагдан хүрэх болжээ. 1925 онд ЦЭМҮ мөсөн голын ойролцоо 4.600 метрийн өндөрт алмас харснаа газар зүйн нийгэмлэгийн зурагчин Н.А.Томбази дэлхий нийтэд батлан ярьсан. Томбази алмасыг 180-250 метрийн зайтай харсан бөгөөд тэр нь яг хүн шиг явж үе үе тонгойн бутлаг ургамал түүж явсан гэдэг. Энэ мэт алмасын тухай мэдээлэл хөвөрдөг.

Харин 1950-аад оны үед алмасыг сонирхох явдал дээд цэгтээ хүрсэн нь анзаарагддаг. Тэр жишээнүүдийн нэгийг энд дурдъя. 1951 онд Эверестэд авирах оролдлогын үеэр Эрик Шиптон 6000 метрийн өндөрт алмасны мөр олж зургийг нь авсныг олон нийт хүлээн зөвшөөрөөгүй гэдэг юм билээ. Түүний зургийг харсан хүмүүс энэ бол алмасынх биш. Ямар нэгэн амьтны мөр хайлмагтсан цасан дээр хэлбэрээ алдаад зурганд буусан ньалмас мэт харагдсан гэж үзсэн юм. 1953 онд алдарт Эдмүнд Хиллари, Тензин Норгеи нармөн л адил алмасны мөр харснаа тухайн үед ярьж байв. Гэвч тэд юунаас ч болсон юм хожим ньалмасных биш хэмээн няцааж эхэлсэн байдаг.

Алмасны тухай эрт эдүүгээгийн олон ном сударт дурдагдсан байх юм. Алмас бол хүн үүссэн цагаас эхлэн хүнтэй зэрэгцэн амьдарч, байгалийн урт хугацааны шалгарлын явцад дэлхий дээр устан үгүй болж буй хүн төрөлхт нэгэн зүйлийн зэрлэг садан төрөл юм гэсэн таавар эрдэмтдийн дунд байдаг. Эртний дорно дахины судар шастирт алмасыг “сан шин” “рийдэг саншин” гэж тэмдэглэсэн байдаг. Энэ нь хүн гөрөөс гэдэг утга илэрхийлдэг байна. Хадны сүг зурагт алмасыг аргаль, янгир, буга, гөрөөс даган явж буй байдлаар дүрсэлсэн байх нь олонтаа. Монголчууд эртнээс л хүн гөрөөс алмасны тухай ярьж ирсэн ард түмэн. Алмасыг хүн гөрөөс, өвөг гөрөөс, хүн хар баавгай, хүн хар гөрөөс, хүн аюу, хар авхай, загийн шар эмгэн гэх мэтээр заавал хүнтэй холбон нэрлэдэг байсан байх юм. Монголд алмас хэмээх хүн гөрөөсийг хайж дорвитой судалгаа хийсэн хүн бол Равжирын Равжир юм. Тэрээр алмасын мөрөөр Монгол Алтайн нуруугаар 1340 хоног аялж олон арван домог, хууч яриануудыг цуглуулж, хэд хэдэн удаа алмасны мөрийг олж хэвжүүлж буулган авсан хэмээн ярьдаг. Тэр бүү хэл гурван ч удаа алмасыг харсан гэдэг. Равжир өөрийн судалгааны ажлын үр дүнгээ нэгтгэн “Алмас сурвалжилсан тэмдэглэл”, “Энэ хүн мөн үү” хэмээх ном хэвлүүлсэн байдаг.

Түүний Алтайн нуруунд явуулсан судалгааны ажлыг БНМАУ-ын Шинжлэх ухааныакадемийн ерөнхийлөгч Б.Ширэндэв, Б.Ренчин, доктор Д. Майдар гуай нар ил далдуур дэмжиж, горьдлого тавьж байжээ.

Алмасыг барихын тулд бүр Сайрын уулыг цэргээр бүслүүлэхийг хүртэл оролдож байсан гэдэг яриа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хөгшчүүлийн дунд байдаг. 1973 оны долдугаар сард Равжир Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутгийн заагт орших Сайрын уулнаас алмасны мөр олж, түүнийгээ хэвжүүлж, зургийг нь аваад ШУА, болон Б.Ренчинд захидлаар илгээсэн байдаг. Энэ явдлаас хэд хоногийн дараа Ренчин гуайгаас түүнд “Та эрэлдээ гарсан эхний өдөртөө алмасны мөр, үс ноос зэргийг олж дээжээ хүргүүлсэн явдал бол та алмасыг амьдаар нь барих түмэн өлзийтэй сайхан үйлсийн эх бизээ…Таны явуулсан гөлтгөнө хэвийг Польшийн эрдэмтэн Флавенскийд явуулав. Гэрэл зургийг Бельгийн хүн судлалын доктор Хайбалмансад явууллаа. Тэр хүн бүх насаараа хүний өвгийг судлах ажлын төлөө хүчин зүтгэж яваа хүн юм. Танд шинэ, шинэ амжилт хүсье.” гэсэн захидал иржээ. Энэ явдлаас хойш хориод хоногийн дараа Равжирт нэгэн захидал ирсэн нь Хайбалмансын захидал. Хайбалманс бичихдээ: “Хэрвээ Равжир та Америкт жуулчлаагүй бол үзээгүй байх. Өмнөд Америкт миний үзсэн нэгэн агуйн шалны шаварт хэдэн мянган жилийн өмнө гишгэгдэн дагтаршиж үлдсэн неандарталь хүний мөртэй таны олсон мөр хэлбэр хэмжээний хувьд тун адилхан. Үүнээс үзэхэд Монгол Алтайд алмас одоог хүртэл амьдарч байгаа юм биш үү гэсэн сэтгэгдэл төрж байна. Хэрэв та Алтайн нуруунаас алмас баривал саран дээр хүн бууснаас дутахгүй нээлт болно шүү. Тийм нээлт хийхийн даваан дээр байгаа танд тун шургуу ажиллаж амжилт олохыг хүсье” гэжээ. Доктор Хайбалманс 1974 онд бичсэн өөрийн номондоо “ Монгол Алтайгаас Равжирын Равжирын олсон алмасны мөр 36,5 см урт байгаа нь хүнээр бодвол хоёр метр 24 см өндөр нуруутай байх бөгөөд түүнд гутал өмсгөвөл 52-54 размерын гутал таарах ёстой” гэж бичжээ. XVIII зууны дунд үед амьдарч байсан Өвөрлөгч хошууны Найман вангийн хүү Жамбалдорж маарамба гэгч “Омон түмбий”гэдэг ном бүтээж, номондоо алмасны зургийг зурж, алмасны цөсийг эмэнд хэрэглэдэг “Лха эрдэнэ” гэдэг гэж тэмдэглэн үлдээжээ. Лха Эрдэнэ хэмээх алмасны цөсийг хүний шарх, цус алдалтанд эрхэм тустай гэжээ. Омон Түмбий хэмээх энэ судар Монгол Улсын төв номын санд хадгалагдаж байдаг тухай яриа бий… 1921-1924 онд ардын журамт цэргийн эмчээр ажиллаж байсан маарамба Далай байлдаанд шархдаж цус их алдсан цэргийн хэлэн дээр хаш хайрцганд нандигнан хийсэн морчгор бор зүйлээр ум үсэг зурж өгдөг байжээ. Түүнийгээ” Лха Эрдэнэ” гэдэг байжээ. Ум үсэг зуруулсан цэргийн шарх маш хурдан эдгэрдэг байсан тул шархадсан цэрэг байтугай эрүүл цэргүүд хүртэл маарамба Далайгаар хэлэн дээрээ ум үсэг зуруулахыг хүсдэг байв. Хожим түүний нууц тайлагдаж хүн гөрөөсний цөс байсан гэдэг нь мэдэгджээ. Ум үсэг зурахад тэр эмийн тун хэмжээ нь таардаг гэдэг. Энэ мэтээр алмасын тухай итгэмээргүй түүх олон бий.

Агуйн хүн буюу алмасын тухай яриа хүн төрөлхтнийг алмайруулсаар, элдэв янзын домог мэт тохиолдлууд өдий төдий гарсаар өнөөг хүргэв. Монголд л гэхэд алмасын мөрөөр явагсад Равжир, Дамдин гээд олон хүний яриа бий. Энэ амьтныг өнөө хэр барьж, “суудал зэрэгцэж” чадаагүйд л хэргийн гол нь оршиж буй биз ээ.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Нөхөрлөл гэдэг амьдралын хамгийн чухал зүйл гэдгийг алхам тутамдаа ойлгодог

“Гурван найз” киноны Цэрэндалай буюу Цэкүгийн дүрд тоглосон жүжигчин, найруулагч Г.Анхбаяртай ярилцлаа.

-Хөтлөгч, жүжигчин гээд салбар салбарт ажиллаж байгаа харагддаг Анхбаяр гэдэг залуу чухам ямар мэргэжилтэй хүн бэ?

-Би 2003 онд СУИС-д ардын жүжигчин Лхамхүү багшийн ангид ороод 2007 онд төгссөн юм. Манай ангиас “Эмоци” продакшны жүжигчин Тэмүүжин, Эзэнмөнх, “Х-түц”-ийн Туяа, “Маск”-ийн Алдар, Чука гээд урлагаараа явж байгаа хүмүүс олон. Хоёрдугаар күрст байхдаа найруулагч Бадамрагчаагийн хийсэн “Үнсэлт” кинонд тоглосон юм. Тэндээс “Лимон”-ы Шарга ах, Лхагвадорж гэдэг оператор хоёр анх намайг С1 телевизэд Р.Тулга ах дээр аваачаад “Шоубиз” хөтлөх санал тавьж байсан. Хоёрдугаар курстээ С1 телевизид хөтлөгчөөр ажиллаад тэндээ их олон нэвтрүүлэг хөтөлж байлаа. Оюутан байхдаа давхар сэтгүүлчээр сураад явсан гэх үү дээ. Үндсэн мэргэжил маань жүжигчин. Сургуулиа төгсөөд өөрийнхөө хамгийн дуртай зүйл болох кино урлаг руу ороод найруулагчаар ажиллаж эхэлсэн юм.

-Таны тоглосон дүрийг хараад байхад дандаа л алиа дүрд тоглосон байдаг. Амьдрал дээрээ ямар зантай вэ?

-Оюутны ширээнээс сулраад урлаг руу орох үед дандаа хөнгөн, алиа залуугийн дүр санал болгож тэр дүрд нь тоглож байлаа. Тиймээс л дараа дараагийн санал тавьж байгаа хүмүүс тэр дүрээр нь харчихсан юм уу даа. Дандаа л тиймэрхүү дүрийн санал тавиад байгаа. Найруулагчийн харж байгаа фактурт нь би тэгж таардаг юм шиг байна лээ. Амьдрал дээрээ мэдээж дүрээсээ шал өөр хүн. Илүү дотогшоогоо хүн. Хүмүүст л их нээлттэй юм шиг харагддаг байх. Гэхдээ баг зүүгээд яваад байх нь хаашаа юм. Би өөрөөрөө л байхыг хүсдэг. Мэдээж шоу нэвтрүүлэг, кино, жүжиг дээр би өөр хүн болох шаардлагатай.

-Жүжигчин мэргэжлийг яагаад сонгохоор болов?

-Миний өвөө циркийн алиалагч МУГЖ Б.Содном гэдэг хүн байлаа. “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Боролдойн дүрээрээ дэлгэцэнд мөнхөрсөн хүн. Олон ч сайхан кинонд тоглосон доо. Миний ээж бас циркийн жүжигчин. Гэр бүлийн урлагийн гинжин холбоог таслахгүй өвлөөд авч явж байгаа учраас их хичээдэг. Жаахан байхдаа өвөөгийнхөө тоглосон киног үзээд л өвөө шигээ жүжигчин болох юмсан гэж боддог байлаа. Тэр нь намайг жүжигчин болоход их нөлөөлсөн дөө. Ээж маань циркийн жүжигчин учраас тайзны ард л бага нас маань өнгөрсөн. Урлагтай ойрхон байдаг учраас багаасаа урлагт их хайртай. Багаасаа л жүжигчин болно гэж боддог байлаа.

-“Гурван найз” олон ангит кинонд яагаад тоглохоор болов?

-Гансэрээ ахын “Хайрын эрэлд” кинонд тоглоод олон ангит кино хүний амьдралын цаг зав, маш их зүйлийг авдаг юм байна дахиж тоглохгүй гэж бодож байсан. Тэрний оронд бизнесийн ажлаа хийгээд явж байя гэж бодож байлаа. Тэгсэн “Эмоци”-ийн” Тэмка, Төөтөө ах хоёр сууж байгаад гурвуулаа энэ кинонд тоглоё гэсэн санал тавьсан. Тэмка хоёулаа нэг ангийн хүүхдүүд юм чинь хамтраад тоглочихьё гэсэн. Би ч их бодсон л доо. Бодож байгаад шийдсэн. Одоо би харамсдаггүй. Харин ч надад үр өгөөжөө өгч байгаа буянтай кино гэж боддог.

-Одоо гарах гэж байгаа “Гурван найз” уран сайхны киноны хувьд…?

-40 анги гараад дууссаны дараа хүмүүс кино хийгээчээ гэсэн санал их ирүүлсэн. Энэ кино Солонгос франчайс кино шүү дээ. Тиймээс бид өөрсдөө дүрүүд дээрээ ажилласан юм. Энэ нөхцөл Монголд байвал ямар вэ гэж ажилласан. Уран сайхны кино маань олон ангит киногоо бодоход чанарын өндөр түвшинд бий болсон. Өмнөхөөсөө илүү их хариуцлагатай болсон. Олон ангит кино хийснээс нэг жилийн дараа цуглаж байгааучраас буцаад тэр дүрдээ орох хэцүү. Өмнө нь дөрвөн сар Цэкү гэдэг залуугийн дүрд орж өглөө наймаас очоод л орой 11 цагаас тардаг байсан. Мэдээж би өөр хүн учраас яг тэр үеийн Цэкү болох гэж удсан шүү.

-Та одоо “Эмоци” продакшнд харьяалагдаад байна уу?

-Би чөлөөт уран бүтээлч. Хүссэн үедээ шоу бизнесийн хувьд өөрийнхөө орон зайнд хийх зүйлээ хийгээд л явж байдаг. “Эмоци”-д харьяалагдахгүй, гэрээтэйгээр хамтарч ажилласан. Анх ганцаараа байсан одоо ч гэсэн ганцаараа л ажлаа хийгээд явна.

-Нөхөрлөлийг та юу гэж боддог вэ?

-Нөхөрлөл гэдэг амьдралын хамгийн чухал зүйл гэдгийг алхам тутамдаа ойлгодог. Тэр дундаа эрэгтэй хүмүүс. Надад эрэгтэй, эмэгтэй олон найз бий. Найзууд маань миний гэр бүлийн дараа орж чаддаг миний хамгийн эрхэм хүмүүс.

-Тоглохыг хүсдэг дүр бий юу?

-Парис Хилтонтой порно кинонд тогломоор байна. Жүжигчин хүмүүс түүхэн кинонд тоглохыг мөрөөддөг юм шиг байна лээ. Надад хэзээ ч гоё санагдаж байгаагүй юм бол тэр. Би баатар, түүхэн хүний дүр болон гэнэн хонгор дүрд тоглохгүй байх.

-Танд голдуу ямар киноны санал ирж байна?

-Инээдмийн киноны санал их ирдэг. Ганц инээдмийн биш кино нь “Хайрын эрэлд” олон ангит кино.

-Хувийн амьдралыг чинь жаахан сонирхъё. Жүжигчин Б.Мишээл та хоёр үлгэр жишээ хосууд байсан. Яагаад салчихав аа?

-Би хувийн амьдралаа дэлгэе гэж боддоггүй. Миний хувийн амьдрал хүмүүст хамаагүй шүү дээ. Хүмүүс угаасаа салж нийлж л байдаг. Б.Мишээл бид хоёр хоёулаа урлагийн хүмүүс байсан болохоор хүмүүсийн нүдэнд ил байсан байж магадгүй.

-Өөрийнхөө зорилгыг хуваалцвал?

-Зорилго байхгүй бол хүн холыг харахгүй. Би зорилгогүй бол өнөөдөр өдий зэрэгтэй байхгүй байх л даа. Хийж чаддаг юмандаа үргэлж тууштай амжилт гаргахын төлөө явах ёстой. Би зорьсон зорилгынхоо нэг хувь дээрээ явж байгаа гэж боддог. Өдөр болгон машинд явж байхдаа, кино үзэж байхдаа давхар жүжиглээд явж байдаг. Найруулагч талаасаа ч гэсэн энэ ийм байна гэж харж үргэлж шинийг эрэлхийлдэг. Би том шоунуудыг мөнгөө төлж үзэх дуртай. Аль болох их юм үзэж, их юм хийх юмсан гэж боддог. Хүн ер нь хийх ёстой юмаа хийгээд л явах ёстой. Энтертайнмент бизнес гэдэг бол 90 мянган үзэгчидтэй стадион доторх 22 хөлбөмбөгчинтэй адилхан. Би тоглогч учраас үзэгчдээ хүндэлж үргэлж шинэ зүйлийг хүргэхийг хичээдэг.

-Таныхаар олны танил хүн ямар байх ёстой вэ?

-Олны танил, од болсон хүмүүсийг хараад надад инээдтэй санагддаг. Олны танил урлагийн хүн бусдад нээлттэй гоё энерги өгөх ёстой гэж боддог. Жүжигчин хүний ялгаа нь бусад мэргэжлээс олны нүдэн дээр бүх хүмүүст бүтээлээ зориулж хийдгээрээ өөр шүү дээ.

-Нэг өдрийн амьдрал тань яаж өнгөрч байна. Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Энэ миний дуртай мэргэжил, дуртай зүйл учраас надад чөлөөт цаг гэхээсээ илүүтэйгээр ажлаасаа кайф авдаг. Хийж байгаа зүйлээсээ урам зориг авч байна. Дуртай зүйлээ хийнэ гэдэг азтай зүйл юм уу даа. Надад чөлөөт цаг, амралтын өдөр гэж байдаггүй.

-Хобби?

-Хобби гэж болохгүй байх аа даа. Би гадагшаа явж аялж, юм үзэх дуртай.Төсөөлдөг байсан газраа бодитоор харах, шинэ зүйлийг мэдэх тэмүүлэлтэй байдаг. Сая АНУ явж ирэхдээ бидэнд гарц байна гэж харсан. Бид Америк буюу дэлхийтэй ойрхон байна. Заавал жижиг зах зээл дээр алалцаж байхаар дэлхий рүү гаръя л даа. Холливудын кино гэхээсээ илүү жүжиг, шоу нэвтрүүлэг, шоубиз гэдэг зөндөө олон боломж биднийг хүлээж байна гэж харсан.

-Гэр бүлийн хэн чинь танд юу гэж захидаг байв?

-Намайг эмээ маань өсгөж хүмүүжүүлсэн. Эмээ л надад их юм захидаг байлаа. Би тэр бүгдийг чин зүрхэндээ хадгалж, дагаж мөрдөх болно. Миний амьдралын хэмнэлд архи гэж байхгүй. Би тамхи татаж байгаагүй. Мөрийтэй тоглохгүй гэсэн гурван зарчимтай. Хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй. Гэхдээ зөв сайн хүн байна гэдэг харьцангуй ойлголт л доо.

-Таны үеийн залуус нийгэмд ямар байр суурьтай байна вэ?

-Би өөрөө мундаг биш учраас тэр хүн ийм тийм гэж үнэлэлт дүгнэлт хийх дургүй. Намайг таван жилийн өмнө юм хийе гэсэн хүсэл тэмүүлэлтэй байхад хаана ч очоод юмаа хийе гэхэд хэцүү асуудлууд тулгардаг байлаа. Одоо харьцангуй гайгүй болсон байна. Миний үеийнхэн бүх салбарт гарч ирж байх шиг байна. Тиймээс бие биенээ дэмжиж байгаа.

-Одоогоор та юу хийж байна?

-Би өөрөө “42 размерийн гутал” гээд дэлхийг тойрон аялж нэвтрүүлэг бэлтгэдэг. Мөн “Амжилтаа ахиулья” төрийн бус байгууллагад Амархүү найзтайгаа хамтарч энтертэйнмент нэвтрүүлгүүд хийдэг. Сүүлхнээс “B” про­дакшны Болд ахтай хамтарч ажиллаж байгаа.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголд хайртай хүүгийн минь хүсэл, Марко Полог судлах миний сонирхол хоёр энэ киног хийхэд хүргэсэн

“Марко Поло” киноны зохиолч, продюссер Жон Фуско болон киноны найруулагч Дэн Минахан нар гуравдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм. Тэдний Монгол Улсад ирсэн шалтгаан нь Марко Поло киноны хоёрдугаар бүлэгт тоглох монгол жүжигчдийг сонгон шалгаруулахаас гадна өнөөдөр Хүннү кино театрт болох Марко Поло киноны нээлтэд оролцох юм.

Марко Поло киноны зохиолч, продюссер Жон Фуско болон киноны найруулагч Дэн Минахан, Марко Поло киноны Монгол талыг хариуцсан төлөөлөгч М.Оргил, киноны нэгдүгээр бүлгийн зөвлөх Бямбадорж нар өчигдөр өглөө Өлзийт хороололд Хан Монгол морьтны холбооны бэлтгэлийн талбай дээр очиж морины үзүүлбэр, морин дээрээс нум сум харвах, циркийн орлон тоглогчдын тулааны үзүүлбэр болон Хантайшир дэвжээний бөхчүүдийн барилдааныг үзэж сонирхсон юм. Хантайшир дэвжээний аймгийн арслан Отгонбаатар, аймгийн заан Бямба-Очир, аймгийн заан Буянт, аймгийн арслан Тангад, аймгийн начин Гантулга, сумын заан Мөнхтөр нарын дэвээ, мэх, уран барилдааныг хараад киноны зохиолч, продюссер Жон Фуско тэднийг Марко Поло кинонд тоглохыг урьсан юм. Тэрээр монгол бөхийн гайхамшгийг кинондоо оруулахаа амлалаа. Энэ үеэр тус киноны зохиолч, продюссер Жон Фускотой ярилцлаа.

-Та өмнө нь Монголд ирж аялж байсан гэсэн энэ талаар яриагаа эхэлье?

-Энэ их сонирхолтой түүх. Миний хүү Америкт төрж өссөн ч гэсэн багаасаа Чингэс хааныг бишрэн шүтэж, Монголын түүх, соёлыг ихэд сонирхдог байсан. Хүүхдүүдийн өрөөнд компьютерийн тоглоом байдаг бол манай хүүгийн өрөөнд Чингэс хааны зураг, Монголын түүхийн тухай олон ном, газрын зураг хураалттай байдаг. Харин би багаасаа Марко Пологийн түүхийг уншиж их сонирхдог байсан юм. Ингээд аав, хүү хоёрын хувьд нэг нь Монголын түүх сонирхдог, нөгөө нь Марко Поло гэсэн сонирхол нийлдэг учраас хэзээ нэгэн цагт Монголд очиж үзэх мөрөөдөлтэй болсон. Миний хүү багаасаа л “Монголд очиж үзье. Хэзээ авч явах вэ“ гэдэг байсан. Боломж гармагц жуулчны компанитай холбогдож Бямбадорж гэдэг хөтөч залуутай ярьсан. Бямбаа “Та нар ямар аялал хүсч байна” гэхэд нь “Бид монгол хувцас өмсч, монголчуудын иддэг хоол идээд яг л энгийн монголчуудын дунд орж үзмээр байна” гэсэн.

Бид хөдөө ирээд морин аялал хийсэн юм. Мориор аялсан тул өдөр бүр дураараа маршрутаа өөрчилж аялсан. “Энэ шөнө хаана хонох вэ” гэхээр Бямбаа орой замд дайралдсан айлд биднийг дагуулж очоод гэрийн эзэдтэй танилцан жаахан архи уунгаа би өөрийнхөө морьдын болон ан хийж байгаа фото зурагнуудаа авчирсан байсан учраас үзүүлээд яриа өрнүүлдэг байсан юм. Тэгээд л нөгөө айлдаа хоноглодог байв.

Дээр үед Марко Поло аавтайгаа аялж байсан, Итали гаралтай аав хүү хоёр одоо Монголд явж байна гэж бодоод Марко Пологийн тухай кино хийх цаг нь болжээ гэж шийдсэн.

-Та Марко Поло киногоор ямар санаа илэрхийлье гэж бодсон бэ?

-Марко бол тухайн үедээ соёлын гүүр, холбогчийн үүрэг гүйцэтгэсэн. Бид одоо даяарчлалын эринд амьдарцгааж байна. Өөр соёлыг харилцан таниулах ач холбогдол чухал хэвээрээ байна. Марко бол өрнөдийн ертөнцөд монголчуудын тухай бодит мэдээлэл мэдлэг тээж авчирсан ачтан. Өрнөдийнхөн монголчуудыг мэддэггүй байснаас хүүхдүүдээ Хубилай хаан чамайг иднэ шүү, гэж айлгадаг байсан үе шүү дээ. Ийм үед Марко Поло бодит мэдээлэлтэй ирж тэд нар бол маш соёлтой нарийн зохион байгуулалттай улс, бид тийм болж чадах ч юм уу гэж хэлж байсан. Түүний тээж ирсэн бодит мэдээлэл хүмүүсийн ойлголтыг бүр дэлхийг өөрчлөхөд хүргэсэн юм.

-Зураг авах газраа хэрхэн сонгодог вэ, өмнөх бүлгээ аль орнуудаар авсан билээ?

-Бид Малайзад гол зураг авалтаа хийсэн, тэнд цоо шинэ студид анхны кино зураг авалт хийж ажилласан юм. Хубилай хааны ордон, Өмнөд Хятадын нутгийг харуулсан зураг авалтуудыг тэнд авсан. Дараа нь тал нутгийн зураг авалт хийх хэрэгтэй болсон учраас Казахстаныг сонгосон. Учир нь тэнд олон кино хийсэн дэд бүтэц сайтай юм билээ. Вайнстаин компанийнхантай ярилцаад жинхэнэ тал газартай, морины соёл уламжлалтай газар хэрэгтэй гээд Казахстан руу явсан.Марко Пологийн төрж өссөн Венецид бас зураг авалт хийсэн.

Бид зураг авалтаа Венециэс эхлүүлээд өөрийн эрхгүй Марко Пологийн аялж явсан замаар бараг дагасан. Бидний нислэг Истанбулаар дамжсан юм. Тэр нь дээр үед Венецийн худалдаачдын агуулахууд байсан Константинополь хот юм билээ. Тэгээд Торгоны зам дагуух Алматад буусан. Бидэнд Монголд зураг авах хүсэл байгаа ч харамсалтай нь энд киноны дэд бүтэц байхгүй байна. Гэхдээ удахгүй байгуулагдана байх гэж найдаж байгаа.

-Киноны нэгдүгээр бүлгийн жүжигчдийг хаанаас хэрхэн сонгосон бэ?

-Бид маш олон орноос жүжигчдийг олох гэж хайсан. Би кинонд олон жил ажилласан гэхдээ Марко Поло шиг олон газраас жүжигчдээ удаан хугацаанд шилж хайсныг санахгүй байна.Бид Англи, Америк, Азиас жүжигчдийг судалж сонголт хийсэн. Бидний зорилго кино одыг олж авахдаа биш, тэр дүрийг хамгийн сайн амилуулах жүжигчнийг хайсан нь тэр.Одоо ч бид Монголд жүжигчдийг хайж сонгох зорилготой ирсэн.Одоогоор гол дүрдээ Италийн нэг их олны танил болж амжаагүй жүжигчнийг шилж авчихаад байна.

-Жүжигчин Б.Амарсайханыг хэрхэн сонгосон бэ. Ур чадварын хувьд ямар санагдав?

-Бидэнтэй жүжигчдийн сонголт дээр маш авьяаслаг Хятадын мэргэжилтэн ажилласан. Түүнд жинхэнэ монгол жүжигчин олох хэрэгтэй байна гэсэн чинь Амараагийн тоглосон киноны бичлэгүүдийг бидэнд үзүүлсэн. Амараа ч бидэнтэй холбоо бариад өөрөө Малайзад ирье гэсэн. Бидний кинонд тоглох их хүсэлтэй байсан гэх үү дээ. Амараа хаалгаар орж ирээд л монголоор сайн байна уу гэж мэндлээд, бид хоёр ан гөрөө сонирхол нийлэх зүйлсээ ярилцаад дорхноо хэл амаа ололцсон.Тэгээд Амараагаар бид эхний хэсгийн Хубилай хаан Аригбөх хоёр гэрт уулзаад ээжийнхээ тухай, бага насныхаа тухай ярилцдаг хэсгийг уншуулж харсан юм. Тэр үеийг би ерөөсөө мартдаггүй. Амараагийн дуу хоолой монгол яриа нь үнэхээр бодит байсан тул миний нурууны үс босох шиг болсон.Амараа уншиж дуусаад сөөнгө хоолойгоороо хэн энийг бичсэн бэ дажгүй болж шүү гэж магтах нь ч надад их сайхан санагдсан. Амарааг гарсны дараа бид зөвлөөд өөр жүжигчин хайх хэрэггүй боллоо гэж шийдэцгээсэн. Түүний жүжиглэлт, эрч хүч их таалагдсан, гол нь маш ажилсаг юм билээ. Амараа Хубилай хаанд тоглосон Бенедикт Вонгт монгол хүний дүрд ороход нь маш их тусалж заасан. Тэр хоёр жинхэнэ ах дүүс шиг л болсон доо. Амараа бидэнд зөвхөн жүжиглээд зогсохгүй олон талаар их тус болсон.

-Таны хийсэн Марко Поло киноны нэгдүгээр хэсэг гарсны дараа шүүмжлэл гарсан. Tэр тухай юу гэж хэлмээр байна?

-Нэг хүн өөрийгөө түүхч гээд намайг судалгаа муутай кино хийсэн гэж бичсэн байсан.Гол нь Хубилай хаан Хятадад байхдаа ордонд хэзээ ч амьдарч байгаагүй, Монгол гэрт л амьдарч байсан гэсэн.Үүнийг ньолон улсын хэвлэлээр өлгөн авч нилээд давтан гаргасанд би их эмзэглэсэн л дээ. Түүхийн эх сурвалжид бол Хубилай хаанд гэр ч байсан, том том ордон харшууд ч байсан гэдэг нь баттай тэмдэглэгдэж үлдсэн байдаг.

-Кинонд XIII зууны орчинг бүрдүүлэхэд ашигласан материал, түүхэн эд зүйлс зэргийн тухайд…?

-Бид тэр үеийн бодит дүр зургийг харуулахын тулд түүхэн судалгаа материал аль болох ихээр ашиглахыг хичээсэн. Манай киноны хэсгийнхэн эд зүйлсийг жинхэнэ XIII зууны монгол эмээл, гэр зэргээс хуулбарлан хийсэн. Хүмүүсийн хувцас хунарыг ч гэсэн шинээр хийж зөвхөн эхний эгнээнд л байгаа хүмүүсийг хувцаслаад бусдыг нь тэгс гээд орхилгүй ажилласан. Нэлээд их хөдөлмөр гаргасан шүү.

-Марко Поло киноны хоёрдугаар бүлэгт нь яг юуны тухай гарах юм бол. Яагаад монгол жүжигчдээс та сонгох болов?

-Монгол бол энэ түүхийн сүр сүлд, цөм нь шүү дээ.Эхний хэсэг нь Хубилай хаан Сун улсын Шэньян хотыг эзлэн авч Сун улсыг захиргаандаа оруулснаар өнөөгийн Хятад улсыг нэгтгэн удирддаг болж Юань гүрнийг байгуулж байгааг харуулдаг. Ингэж түүхэндээ Хубилай хаан Хятадыг бүхэлд нь захиргаандаа оруулж Хятадын соёл уламжлалаас ч нилээн зүйлс авч их Юан гүрнийг үүсгэн байгуулан цааш гүрнээ тэлэн Япон, Вьетнам зэрэг улсуудыг эзлэх эрмэлзлэл төлөвлөгөөтэй байв. Харин энэ байдалд нь Монголд байсан Хайду хаан зэрэг улсууд тааламжгүй хандаж эхэлсэн. Түүнийг Хятадад хэт их удаж хятаджиж байна гэх мэтээр шүүмжилж, Монголын их эзэнт улсаа орхигдуулж байна гэж үзсэн. Тэгээд Хубилай хаан Хайду хаан нарын зөрчил тэмцэл үүсэж эхэлсэн юм. Үүнийг би хоёрдугаар хэсэгтээ харуулахыг зорьж байна.

Тийм учраас бид монгол жүжигчдийг илүү оролцуулж аль болох Монголын онцлогийг зөв, жинхэнээр харуулах зорилготой байгаа юм.

-Энэ жил Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ой тохиож байгаа.Олон жилийн турш судалгаа хийсэн хүний хувьд энэ түүхэн ой их чухал байх болов уу?

-Энэ бол дэлхийн түүхэнд ч, бидний хувьд ч их чухал. Манай киноны хоёрдугаар хэсэг энэ жил гарах гэж байгаа нь Хубилай хааны түүхэн дүр, ач холбогдлыг дэлхийн олон орны үзэгчдэд таниулахад хувь нэмэр болно гэж бид найдаж байна.Зарим хүмүүс манай киног Марко Поло биш Хубилай хаан гэж нэрлэх ёстой байсан юм биш үү ч гэдэг.Арга ч үгүй юм, тэр үеийн бүх үйл явдал Хубилай хаантай л холбоотой түүний түүх намтартай салшгүй юм чинь.Тэгэхээр бидний хувьд ч энэ бас их азтай жил болж байгаа.

-Та Марко Пологоос гадна Холливудын ямар киноны зохиол бичиж байв?

-Би ер нь түүхэн кино, сайхан байгальтай, уугуул иргэдийн тухай кино голдуу хийж ирсэн юм байна.“Young guns”, “Young guns 2” гэх 1980-аад онд их амжилт олсон киног хийсэн. Мөн орчин үеийн Америкийн индианчуудын амьдралыг харуулсан, тэдний уугуул нутагт Засгийн газраас ураны олборлолт хийж байгаль орчныг нь сүйтгэж, яаж Холбооны мөрдөх товчоо индианчуудын эрхэнд халдаж байсан тухай “Thunderheart” гэж киног хийсэн. Энэ бодит түүхэн дээр үндэслэсэн кино учраас би маш их судалгаа хийх хэрэгтэй болсон.Би индианчуудтай амьдарч киног хийхэд таван жил зарцуулсан. Бас “Хидальго” гэж индиан цустай адуучны тухай, 1890-ээд онд гарсан араб морины уралдааны тухай.Бас “Нууц хаант улс” гэж Жэт Ли, Жеки Чан хоёрыг анх хамт тоглуулсан тулааны урлагийн тухай кино хийсэн.

Стивен Спилбэргтэй хамтран “Spirit” гэж Америкийн баруун хэсгийн тухай, морины тухай үзүүлсэн хүүхэлдэйн кино хийсэн. Энэ маань Оскарын шагналд нэр дэвшсэн шүү дээ.

-Монгол морины үзүүлбэрийгүзээд ямар санагдав. Таныг моринд их дуртай гэдэг юм билээ?

-Би монгол моринд маш дуртай, Америкийн ховордож байгаа зэрлэг адууг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллагатай. Тэр морьд яг монгол морьтой адилхан шинжтэй, жижигхэн биетэй, тэвчээр тэнхээтэй. Хуучин Америкт зэрлэг бух баффало агнадаг байхад анчид нь тийм морьд унаж явдаг байсан юм. Улсууд Америкийн морьд испаничуудын авчирсан морьдоос гаралтай гэдэг, би хувьдаа зарим морь нь монгол морьдын эцэг өвгөд дээр үед Берингийн хоолой хуурай газар байхад тийшээ очсон байх гэж боддог.Саяны үзүүлбэрийг үзэхэд монголчуудын морио унах чадвар үнэхээр сайн байгаа нь сэтгэл хөдөлгөж байна.

Марко Поло өөрөө их тулаантай кино, Монгол бөхийн барилдаан маш бага, ер нь дэлхий даяар танигдаагүй байна. Тэгэхээр өнөөдөр хайж байсан юмаа оллоо. Монгол бөх гэдэг маш гоё дэвээ шаваатай заримдаа их гоё урлагийн үзүүлбэр шиг байна. Хийж байгаа мэх нь гайхамшигтай юм. Дэлхийд янз бүрийн зодооны урлаг байдаг. Монгол бөхийн урлаг энэ дотор өндөр зэрэглэлд явах ёстой. Бид одоо кинондоо монгол бөхийн барилдааныг маш ихээр оруулахаар хүсч байна.

-Эцэст нь та нэмж хэлэх зүйлс байвал хэлнэ үү?

-Би анх Монголд найман жилийн өмнө хүүтэйгээ ирж байсан тэр үеэс л энэ киног хийх санаа маань төрсөн. Надад энд эргэн ирэхэд маш сайхан байна, тэр тусмаа Монголын түүхтэй холбоотой киногоо хийж байгаа болохоор тэр. Миний хувьд Монголын түүхийг дэлгэцнээ харуулах нь, түүгээрээ Монголын үзэгчдээс үнэлгээ авах нь нэр төрийн хэрэг, аз завшаан юм.Монголчуудын найрсаг зочломтгой зан, нөхөрсөг байдал бидэнд их урам өгч байна.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Таван даншигт түрүүлсэн Соёмбо хүрэн азарга

Энэ цаг үеийн онц хурдан хүлгүүдийн нэг бол Тод манлай уяач Л.Цандэлэгийн Соёмбо хүрэн азарга юм. Нэгэнтээ Л.Цандэлэг уяач манай сонинд өгсөн ярилцлагадаа “Соёмбо хүрнээ, Шарга азаргатай л уралдуулаад үзчихмээр байна. Эрдэнэчулуун манлайд хоёулаа бооцоо тавьж байгаад хоёр азаргаа тусад нь уралдуулж үзэх үү гэж санал тавьдаг юм уу гэж бодож байгаа” хэмээн ярьсан удаатай. Гэвч Л.Цандэлэгийг ингэж бодож явахтай зэрэг шахуу алдарт Шарга азарга зодог тайлчихсан билээ. Тэрнээс Соёмбо хүрэн, Амгалан төрийн ажнай шарга хоёр Хүй долоон худагт бооцоотой уралдахаар болжээ гэсэн бол улсын наадмаас дутуугүй үзэгч ирэх байсан биз ээ. Улсад зургаа түрүүлсэн Шарга азаргатай уралдах хэмжээний адуу Соёмбо хүрэн яах аргагүй байсан гэдэгтэй өнөөдөр маргах хүн байхгүй. Болохгүй юм болдоггүй, уралдах ёстой газраа, уралдах ёстой адуунуудтайгаа л уралддаг хурдан адууны хувь хишиг гэж бий.Соёмбо хүрэн азарга нэг жилийн дотор улс бүсийн чанартай долоон наадамд уралдахдаа зургаа түрүүлж, нэг аман хүзүүдсэн байдаг. Ний нуугүй хэлэхэд сүүлдээ алдарт шарга азарга улсын наадамд л уягддаг, өөр бусад уралдаанд давхиулахаа больчихсон юм. Энэ нь ах шарга азаргыг нь давхар уяагаар олон уралдуулж эцэстээ Өвгөн ноёны наадам дээр эндүүлснээс болж Эрдэнэчулуун манлай давхар уяагаар давхиулахаас жийрхдэг болсонтой холбоотой биз ээ.

Өнөөдөр хэдүй уралдахаа больсон ч бэлчээртээ дүнхийж байгаа Соёмбо хүрэн азарганы угшлыг морь сонирхогчид гойд сонирхдог юм билээ. Соёмбо бол цэвэр монгол адуу. Соёмбо хүрэн азаргын эцэг болох хүрэн азаргыгТөв аймгийн Баянбараат сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Ц.Жамбалсүрэн 1997 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Балжий гэж хүнээс авчээ. Эцэг хүрэн азарга шинэ эзэндээ ирсэн даруйдаа буюу 1998 онд төвийн бүсийн даншиг наадамд аман хүзүүдэж, 1999 онд анхны Говь шанхын даншигт түрүүлсэн юм. Тав дахь үеийн уяач Ц.Жамбалсүрэн гуай энэхүү хурдан хүлгийнхээ буянаар 2000 онд Монгол Улсын Алдарт уяач хэмээх цолыг хүртжээ. Соёмбо хүрний эцэг энэхүү хүрэн азаргыг “Хандгай хүрэн” хэмээн нэрлэх болжээ.

Соёмбо хүрний түүх цааш ингэж үргэлжилнэ. 2000 онд Л.Цандэлэг, Тод манлай уяач Сандуйжавын “Дүү зээрд” хэмээх хурдан азаргыг соёолон насанд нь худалдан авчээ. Хойтон жил нь улсын наадамд дүү зээрд азаргыг Сандуйжав уяж түрүүлгэжээ. Энэ наадам дээр уяач, эзэн хоёр маргаад авсныг моринд ойрхон бүхэн мэднэ дээ. Тэр жилээ Тамирын хурд наадамд дүү зээрд дахин түрүүлсэн ч наймаа буцдагаараа буцаж зээрд азарга өөр хүний нэр дээр цоллуулсан юм. Энэ даншиг дээр Л.Цандэлэг жаахан гундуухан, “Ажнай”-н Бат-Эрдэнэ, “Монгол базалт”-ийн Ариунболд нарын хамт явж байгаад Д.Даваахүү гуайн дотнын найз Ц.Жамбалсүрэнтэй тааралдсан гэдэг. Уяан дээр нь очиж, галаар нь бууж суух үеэр Алдарт уяач Ц.Жамбалсүрэн гуай “Морины наймаа буцах шиг эр хүнд гундуу юм гэж байдаггүй юм, тэр тусмаа наадмаар. Ахынх нь нэг хөл муутай азарга бий. Чамд өгчихье, чамд хурдан хүлэг гаргаж өгөх байх” гээд хадаг аваад бэлэглэжээ. Тэгэхэд нь Л.Цандэлэг зөрүүлээд “Та их сайхан сэтгэлтэй хүн юм. Хөдөөний хүнд хэрэгтэй унаа өгье” гээд супер УАЗ-469 машин бэлэглэсэн түүхтэй. Л.Цандэлэгт бэлэглэсэн тэрхүү хүлэг нь Говь Шанхын хурдад түрүүлж байсан өнөөх “Хандгай” хүрэн азарга юм билээ. Тэр цагаас хойш Жамбалсүрэн, Цандэлэг хоёрын сайхан нөхөрлөл эхэлсэн гэдэг. Ийнхүү нэгнийхээ галаар байнга зочилж, хууч хөөрөх болсон нь Л.Цандэлэгт алдарт Соёмбо хүрэн ирэх эхлэл болжээ. Ц.Жамбалсүрэнгийн унаган хонгор гүү Цандэлэгийн Соёмбо хүрэнгийн эх юм. Соёмбо хүрэн шүдлэндээ Төв аймгийн 80 жилийн ойд аман хүзүүнд давхижээ. Тэгэхэд нь Л.Цандэлэг Жамбалсүрэнд хандаж “Надад энэ шүдлэнгээ өгчих. Би танд эцгийг нь 10 сайхан гүүтэй өгье. Танд энэ шүдлэнгийн эх хонгор гүү нь байгаа юм чинь дахиад хурдан төл гарна шүү дээ” гэж хэлээд зөвшөөрснөөр Соёмбо хүрэнг хязаалан болох жил нь Цандэлэг өөрийн хүлэг болгон авчээ. Соёмбо хүрэн азарга соёмбо хэлбэрийн тамгатай бөгөөд энэ нь Монгол Улсын Алдарт уяач Ц.Жамбалсүрэнгийнх. Тэгээд ч хүрэн азарга сэрвээ өндөртэй, хөл урттай, босоо ястай адуу учраас үргэлж дээшээ өөдөлж байхын бэлгэдэл болгон Л.Цандэлэг “Соёмбо хүрэн” хэмээн нэрлэсэн байдаг.

Соёмбо хүрэн азарга эцгийгээ дуурайсан их хаттай адуу. Тарга хүчээ амархан авдаг учраас давхар уяандаа сайн давхидаг. Наадам дөхөөд анх эхлээд барихад ааш зан муу, хавьтсан ойртсоноо хайрч хазсан, зөрж өшиглөх гэдэг, заримдаа бүр цамнаад толгой дээр гарчих шахдаг, авир муутай адуу юм. Заримдаа бүр хөгийн зан гаргана.Жалга хонхортой, өвс ихтэй газар биеийнхээ амрыг бодоод гүүнүүдээ хаячихаад идээд явчихна. Ер нь өөрийнхөөрөө, их дураараа адуу гэнэ. Хамгийн гол нь гүү хураах үеийнх нь ороог эртхэн гаргахгүй бол болдоггүй гэдгийг эзэд нь сайн мэдэх болохоор хавар цөөхөн гүү хураалгадаг байна. Соёмбо хүрэн жирийн үед ийм ардаг ярдаг ааштай ч уяа нь ороод ирэхээрээ ааш нь зөөлрөөд, нүд нь дөлгөөн тогтуун болж гарын аясаар болдог адуу юм. Соёмбо хүрэн ямар ч наадмын өнгөнд заавал гардаг цөөн адууны нэг. Хөлийн хурд ихтэй, гарсан хойноо уужирчихдаг болохоор барагтай бол үзүүрийн суулт байдаггүй. Барианы тавлин дээр тарладаг. Тиймдээ цэвэр цусны араб адуунуудтай ач тач үзэлцдэг энэ цаг үеийн ганц монгол адуу хэмээн уяачид ярьдаг юм. Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ойд “Монголросцветмет”-ийн Х.Бадамсүрэнгийн араб бор азаргатай заргалдсаар барианы зурхайг үүдэн хоймрын зайтай түрүүнд гаталж байсныг морь сонирхогчид андахгүй. Мөн Эрдэнэт хот байгуулагдсаны 30 жилийн ойн наадам дээр Д.Чулуунбатын араб цусны “Манлай халзан” азаргатай ана мана үзэлцсээр аман хүзүүнд самбай дэрлэн орж байсныг моринд хорхойтой бүхэн мэднэ. Тиймээс Л.Цандэлэг “Монголын хурдан морины түүхэнд араб адууг дийлсэн ганц монгол адуу бол “Соёмбо хүрэн” минь гэж ам бардам хэлдэг. Мөн “Ер нь Даншиг наадмынл адуу. Хөвсгөлийн “Хотгойдын хурд ”, Архангайн Тоглохын талын даншиг, Хэнтийн Өвгөн ноёны наадмуудад түрүүлсэн. Завханы “Очирваанийн хурд”-д хол тасархай түрүүлсэн гээд халхыг тойрсон бүх даншигттүрүүлсэн миний Соёмбо шиг адуу байхгүй. Монголын таван том Даншигт дархан түрүүлсэн байна шүү дээ” хэмээн нүдэндээ нулимстай ярьж байсан билээ.

Соёмбо хүрэн азарганы аргагүй хурдан гэдгээ харуулсан нэгэн түүхийг морины хорхойтнууд бас ярьдаг. Өвөрхангайд болсон “Их хурд-4” уралдаанд урилгаар оролцохдоо урьд өдөр нь Хөвсгөлөөс ачигдсан байдаг. Хотгойдын даншигт түрүүлж цолоо дуудуулаад асраас гаргаж жаахан амраагаад ачсан нь тэр аж. Шөнөжингөө явсаар Өвөрхангайд ирж өглөө нь жаахан идүүлээд мордуулахад уяачид “Холоос их зүтгэж ирсэн адууг уралдуулах хэрэг байгаа юм уу, Цандэлэг ээ” хэмээн болгоомжилж байжээ. Гэвч Л.Цандэлэгт тийм нэг итгэл, бардамнал төрөөд байж. Энэ дошин дээр соёмботой минь уралдах адуу байгаа гэж үү гэсэн эр хүний омогшил түүнд байжээ. Ингээд азарга гараан дээрээс хөдлөх үед морь тавьж байсан цэрэг Соёмбо хүрэнг буруу талаас нь цулбуурдсанаас болж цоройгоод, хүүхдээ унагаачихсан байна. Сүүлийн азарга хөдлөөд гараанаас 500 метр холдчихсон байхад цэргүүд Соёмбыг бариад авчээ. Л.Цандэлэгийн гол харлаад явчихсан гэдэг. Хамгийн гол нь хүүхэд гэж бодон харайлгаад очтол морины хүүхэд нь инээгээд босоод иржээ. Азарга нэлээд холдчихсон болохоор явуулах уу, болих уу гэж бодсон ч морины хүүхдээ инээгээд босоод ирэхийг хараад тайвширч араас нь явуулчихсан гэдэг. Хамгийн ард үлдсэн соёмбыг нэг их тоогоогүй аж. Зорьж ирсэн юм, морь хүүхэд хоёрын урам байна дундуур давхиад ирнэ биз гэж Л.Цандэлэг боджээ. Гэвч нэг харсан соёмбо хүрэн айхавтар шунахай давхилтайгаар өнгөний хэдэн азарганы ард ороод ирсэн гэдэг. Барианы тавилан руу эхний азарга орж байх үед соёмбо хүрэн их л түрэмгий эхний тав руу орж явчихжээ. Дахиад жаахан зай байсан бол өнгөнд гарах байсан болов уу. “Их хурд”-д ийнхүү дөрвөөр давхиж үнэнхүү хурдан гэдгээ харуулжээ.

Соёмбо хүрний уяа эхлээд таван км ажил хийхэд үзүүр дээрээ жаахан суудаг. Дараагийн удаад таван километртээ торохгүй, арван км яваад жаахан сууна. Дараагийн удаад 10 км-тээ ч түүртэхгүй болдог=. Гэхдээ л улсын наадмын 25 километрт давхилын ажил жаахан дутаад байдаг юм. Хэрвээ улсын наадмаас өмнө нэг уралдаан байдаг бол Соёмбын уяа ханана. Тэгээд л улсын наадмын өнгөнд заавал давхих адуу даа” хэмээн Л.Цандэлэг азарганыхаа уяа, сойлгын учир начрыг ярьсан билээ. Нэгэн цагт Монголын чансаа өндөр азарганы гуравдугаарт эрэмбэлэгдэж байсан алдарт Соёмбо хүрэн азарга өдгөө Төв аймгийн Жаргалант, Тува, Тойруулга, Сэлэнгэ угшлын хурдан удмын гүүнүүдийг хурааж, сайхан төлүүдээ өгөөд бэлчээртээ тэнхлүүн яваа юм байна.

С.АРИУН

Categories
мэдээ цаг-үе

С.Батзориг: “Супер ээж” тоглолтоороо ээж гэдэг хамгийн агуу мэргэжил гэдгийг харуулахыг зорьсон

Х-ТҮЦ” продакшны жүжигчин, менежер С.Батзоригтой ярилцлаа.

Өөрийнхөө талаар танилцуулаач. Хэзээ сургуулиа төгссөн билээ?

-СИУС-ийг жүжигчний мэргэжлээр 2011 онд МУАЖ Ж.Лхамхүү багшийн удирдлагад төгсөж байлаа. Манай багш Баярмагнай, Алдар, Туяа, Тэмүүжин, Амгаланбаатар гээд жүжигчдийг сургаж байсан хүн. Би “Тусгай салаа” киноны Номингийн дүрд тоглодог жүжигчин Гэрэлчулуун, Чинзориг, “Маск” продакшнд байсан Золоо гэх залуустай хамт нэг анги төгссөн юм.

Яагаад жүжигчин мэргэжлийг сонгов. Гэрийнхэн тань дэмждэг байсан уу?

-Багадаа хүүхдийн ордны драмын дугуйланд явдаг байсан. Тиймээс урлагт хорхойсч жүжигчин болъё гэж шийдсэн гэх үү дээ. Анх гэрийнхэн маань намайг жүжигчин болно гэхэд дэмждэггүй байсан. “Миний хүү урлагийн хүн болж чадахгүй байх. Манай удамд нэг ч урлагийн хүн байхгүй” гэдэг байсан. Манай өвөөгийн аав морин хуурч хүн байсан юм билээ. Нээрээ л өөр ямар ч урлагийн хүн байгаагүй л дээ. Дэмжихгүй байхад нь би өөрөө хүчээр СУИС-д очиж шалгалт өгөөд тэнцсэн хүн. Сүүлдээ гэрийнхэн маань дипломын жүжиг үзээд “За болох байлгүй дээ” гэж л хэлсэн. Хүсэл сонирхлоороо жүжигчин болсон учраас урлагийн Янжинлхам бурхан ивээх байлгүй дээ.

-“Х-ТҮЦ” продакшнд хэзээ ямар шалгуураар орж байв?

-“Х-ТҮЦ” жүжигчин шалгаруулж авч байна гээд очоод шалгалт өгөөд орсон. Гурав дахь жилдээ ажиллаж байна.

Анх ямар дүрд тоглож байсан бэ. Тухайн үеийн сэтгэгдэл ямар байсан бэ?

-Хамгийн анх “Х-ТҮЦ”-д ороод тайзан дээр гарч байсан юм. Тухайн үед гавьяат жүжигчин Одноо эгчтэй хамтарч “Учиртай гурван толгой”-н дүрд тоглосон. Амьдралдаа анх удаа тайзан дээр гараад, ядаж байхад хамтарч тоглосон хүн нь гавьяат. Хамаг бие салганаад тухайн дүрээ дуусгаж байлаа. Их сандардаг юм билээ.

Оюутан байхдаа нэвтрүүлэг хийдэг байсан гэсэн?

-Оюутан байхдаа С1, MN25 телевизэд ажиллаж байсан. Хүүхдийн хоёр ч кинонд тоглосон шүү. Тухайн үед “Боролдой, Долдой” гээд нэврүүлгийг С1 телевизийн өглөө хөтөлбөрөөс хийх санал тавиад хийж байсан.Тэр үедээ л хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байлаа. Одоо бодохоор алдаатай юм зөндөө л байдаг байх. Өглөө хөтөлбөрт ажиллаж байхдаа нэг агентлагт менежер хийж байсан юм. Тэр туршлагаараа “Х-ТҮЦ” продакшны менежерээр давхар ажиллаж байгаа.

Киноны санал ирж байна уу. Жүжигчнээр ажиллахаасаа илүү менежерээрээ ажиллаад байна уу?

-Аль алийг нь амжуулах гээд л явж байна. Хөдөө орон нутагт явахад толгой бригадад л явна даа. Түрүүлж очоод бүх юмаа амжуулчихаад хамтлагийнхнаа хүлээж байна. Тэднийг ирсний дараа өөрөө голд нь ороод л явна шүү дээ. “Х-ТҮЦ” продакшнд орсноос хойш олон тоглолтонд орсон. Манайх жилдээ 4-5 шоу хийж байна. Дээрээс нь драмын жүжиг, теле жүжиг, шинэ жилийн зохиомж гээд хамтлагаас гаргаж буй тоглолтонд их, бага хэмжээгээр оролцсон.

Киноны тухайд ганц, хоёр санал ирсэн. Боловсрол телевизийн “Хөгжилтэй гэр бүл” кинонд тоглосон байгаа. Бас нэг киноны гол дүрийн санал ирчихсэн байна.

Танай энэ удаагийн тоглолт юугаараа онцлог вэ?

-“Супер ээж” тоглолтоо эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баяр, инээдмийн баярыг тохиолдуулаад хийж байгаа. Ээж гэдэг хамгийн агуу мэргэжил гэдгийг хошин байдлаар үзүүлж байна. Тоглолт бүх насныханд зориулагдсан. Тоглолт маань нийтдээ зургаан номертэй. Хамтлагт байгаа арав гаруй шинэ залуу жүжигчид маань орж байгаа. Энэ удаад би гурван номерт оролцон тоглож байна.

Тоглохыг хүссэн дүр бий юу. Драмын театрт тоглох хүсэл байдаг уу?

-Жүжигчин болсных тоглохыг хүссэн дүр бий. Гэхдээ Ромеогийн дүрд хэзээ ч тохирохгүй байх өө. Пап ламын дүрд л тохирох байлгүй. Бас эсрэг дүрд тоглохыг хүсдэг л дээ. Даанч миний царайг тохирохгүй гээд байдаг юм.

Гэр бүлийнхээ тухай яриач?

-Би гурван хүүхэдтэй айлын голынх нь. Аав маань багш хүн байлаа. Ээж маань санхүүч. Одоо гэр бүл зохиогоод сайхан гэргийтэй болсон.

Танай хамтлагаас “Эмоци” продакшн тусдаа гарсан. Яагаад гарсан юм бол?

-Хувь хүн уран бүтээлчийн сонирхол шүү дээ. Тэд нар миний хайртай уран бүтээлч ах, эгч нар. “Х-ТҮЦ”-ийнхэн дөрөв дэх үеийнхээ уран бүтээлчийг бэлтгэж явна. Би тэрнийх нь нэг хэсэг болоод л уран бүтээлч болох гэж зүтгэж яваа хүний нэг. Эхний үеийнхэн Дооёо, Аяа гээд л мундаг хүмүүс байсан бол араас нь Батаа ах, Төөтөө ах нар бас тусдаа гарсан. Энэ бол зах зээлийн хууль шүү дээ. Тиймээс ах, эгч нартаа бас амжилт хүсье.

-“Х-ТҮЦ” продакшн хөдөө орон нутгаар тоглолтоор яваад ирсэн гэсэн. Сүүлийн үеийн төлөвлөгөө юу байна?

-Энэ жил “Х-ТҮЦ” продакшны хувьд нэлээд өгөөжтэй жил болсон. Манай хамтлаг Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Багануур гээд зүүн аймгуудаар тоглолтоо хийж эхлээд хойшоо Дархан, Эрдэнэт, Булган, Хөвсгөл болон говийн аймгуудаар тоглолтоо хийсэн. “Супер ээж” тоглолтоо дуусгаад манай хамтлаг Америк руу тоглолтоор явах гэж байна. Америкт байгаа монголчуудад зориулж долоон хотоор тоглоно. Буцаж ирээд зургадугаар сарын нэгэнд хүүхдүүддээ зориулаад хүүхдийн жүжиг тоглох төлөвтэй байна. Энэ ажлыг би өөрөө хариуцаж хийж байгаа. Мөн “Болсон явдал” кино хийснээс хойш үзэгчид киногоо хийгээчээ гэсэн санал ирүүлээд байгаа учраас кино хийнэ. Кино зохиол сонголтон дээр явж байгаа.

Хошин урлагийнхан кино хийхээр шог талдаа ороод зураг авалт нь ч хурдан дуусчихдаг. Энэ тал дээр танайх ямар байр суурьтай байна?

-Хүмүүс тэгж яриад байдаг юм. Би энэ тал дээр эсрэг байр суурьтай байдаг. Манай хамтлаг байгуулагдаад 19 жил болсон байна. Хүнээр бол нас биед хүрчихсэн гэсэн үг шүү дээ. “Х-ТҮЦ” продакшн түүхэндээ хоёр л кино хийсэн. Тэр нь “Миний хөрш чөтгөр”, “Болсон явдал”. Мөн “Сэргээш-1,2,3” гээд гурван мюзикл хийсэн байдаг. Аль аль нь их даацтай болсон шүү дээ. Манай уран бүтээлийг үзсэн хүмүүс халтуурны гэж хэлэхгүй байх.

С.АРИУН

Categories
мэдээ цаг-үе

Оюутны ширээнээс олонд танигдсан нэг ангийнхан

Соёл, урлагийн их сургуулийн үлгэр жишээ ангийг энэ удаа урилаа. Тэд 1997-2002 онд СУИС-ийн дуулаачийн ангид суралцаж төгссөн үе чацуутнууд. Энэ ангийнхны дийлэнх нь буюу наяад хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа гэхээр яалтгүй ч үгүй хүсэн тэмүүлсээр дуучин болсон залуус юм гэж үнэлэхээр. Сургуулиа төгсөнгүүт 18 хүүхдийн 11 нь Дуурь бүжгийн эрдмийн театрт оржээ. “Нэг төгсөлтөөс ийм олон хүн энэ театрт орсон түүх байдаггүй юм билээ” гэж ангийн дарга Д.Ариунбаатар хуучиллаа. Тухайн үед багш нар нь баяр хүргэж маш их итгэл хүлээлгэдэг байж. Үлгэр жишээ анги гэдэг нь ийм л учиртай гэнэ. Ангийн бүх хүүхдүүд олны танил. Одоогооор ангиас хоёр гавьяат жүжигчин төрсөн бол бараг бүгд Соёлын тэргүүний ажилтан болчихож.

Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байгаа, гавьяат жүжигчин Ө.Уянга, СУИС-ийн дэд захирлаар томилогдоод удаагүй, гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ эдний анги. Түүнчлэн Хөгжим бүжгийн коллежийндуулаачийн багш Ч.Батцэнгэл, дуучин Д.Ариунбаатар, Д.Хишигбаяр, Э.Оюумаа, “Классик жем” хамтлагийн Б.Мөнхбат, хошин урлагийн “Пароди” элэглэлийн хамтлагийн ахлах жүжигчин Б.Булган-Эрдэнэ, Төв аймгийн “Монгол туургатан” хөгжимт драмын театрын дарга Д.Баасанжаргал, Бүх цэргийн дуу, бүжгийн чуулгын уртын дуучин, ОХУ-ын Буриадын ардын жүжигчин Н.Мөнхзул гээд эдний ангийнхнаас олноо танигдсан нь олон.

“Сургуульд ороод сар гаруйн дараа буюу 1997 оны аравдугаар сарын 25-ны өдөр Д.Хишигбаяр, Ч.Бат-Эрдэнэ, Ч.Батцэнгэл бид хэд дуурийн театр гэж гоё газрын үүдэнд ирчихээд хэдүүлээ энэ дуурийн театрын уран бүтээлч нь болно оо гэж мөрөөдөж байсан. Энэ мөрөөдөл минь одоо биеллээ олчихсон л байна” гэж ангийн дарга Д.Ариунбаатар хэлээд ангийнхнаараа бахархах аж.

Дуулаачийн ангид дуурийн дуулаач, уртын дуучин гэж хоёр чиглэлээр сургадаг юм байна. Дуурийн дуулаачаар орсон хүн дууриа ч дуулдаг, нийтийн дуу дуулах ч боломжтой. Уртын дууны төрөл бол ардын, уртын дуу, нийтийн дуугаа ч дуулж болдог байж. Ч.Бат-Эрдэнэ, Б.Булган-Эрдэнэ, Д.Ариунбаатар нар оюутан байхдаа нийлж, энд тэндхийн арга хэмжээг зохион байгуулж, хөтлөгч хийж тухайн үедээ л мөнгөтэй оюутнууд байжээ. “Бид гурвыг Дэлгэр багш “Зууны манлай халтуурчид” гэж нэрлээд шоолдог байсансан” гэж ангийн дарга нь өгүүлнэ.

Их хөдөлгөөнтэй анги байсан гэдэг нь харваас илт. Оюутан гэхээр л арваа төгссөн 18-тангууд байдаггүй гэдэг шиг тэдний ангийнхны дийлэнх нь “хөгшин”оюутан байжээ. Өмнө нь ажил хийж байсан, цэрэгт явсан, коллеж, техникумд сурч байсан гээд их сургуульд орох насаа өнгөрөөчихсөн байсан гэнэ.Охид , хөвгүүдээрээ нийлдэг ч их найрсаг хамт олон байсныг багш нар нь дурсдаг юм байна.

Зуны амралт дуусаад хичээлдээ оронгуутаа нийллэг зохиож, зугаалгаар явцгаана. Буянтогтох гэдэг найзынх нь аав “Тэрэлж”-д “Болор” гэдэг нэртэй зусланг ажиллуулдаг байж. Тийшээ явах дуртай. Нэг удаа тэнд очиж амарч, зугаалаад буцах мөнгөгүй болчихсон гэнэ. Хүн амьтнаас мөнгө гуйхаасаа ичээд ангиараа алхаад Налайхад ирээд автобусанд суужээ. Кондуктор нь мөнгөгүй оюутнуудыг хөөж тууж зарим нь чимхүүлсээр хот руу орж ирж байснаа дурсан ярьж инээлдэцгээлээ.

Үлгэр жишээ ангийнхан оюутан байхдаа л уран бүтээл хийгээд эхэлсэн гэж байгаа. Оюутан ахуйдаа студид дуу бичүүлж үзэх, том тайзан дээр гарах гээд уран бүтээлч хүний хүсдэг бүхий л шат дамжлагыг бүгдийг нь үзсэн авьяастай залуус. Сургуулиа төгсч амжаагүй байхдаа л уран бүтээлээ эхлүүлж эхнээсээ олонд танигдах замаа тавьж эхэлжээ. Ч.Бат-Эрдэнийн “Хонхны нулимс”-аар хүн болгон амьсгалж байсан тэртээ өдрүүдэд эдний ангийнхан ромбо, дипломоо аваад тайзан дээр энэ дууг дуулцгааж, нулимс дуслуулан зогсч байснаа дурсах дуртай гэдгээ хэлцгээлээ.

Тэр үед нийтийн дуунд хослон дуулах моод дэлгэрч байлаа. Эдний ангиас Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа, Д.Хишигбаяр, Г.Дэлгэрмаа нар хослон дуулсаар гарч иржээ. Тэдний энэ моодыг даган доод курсээс С.Жавхлан, Т.Баясгалан, Б.Энхмэнд, Г.Чинболор гэх хүүхдүүд гарч ирсэн нь одоогийн манай мундаг дуучид шүү дээ.

Оюутны байранд тэдний ангиас найман хүүхэд амьдардаг байж. Охидоос Наранцэцэг, Уянга, хөвгүүдээс Ариунбаатар, Хишигбаяр, Мөнхбат нар байдаг байсан гэнэ. Оюутны байрны шинэ жил, хагас бүтэн сайн өдрийн бүжиг болгоныг алгасалгүй орж, бүжгийн тэмцээнд Бэрцэцэг, Мөнхбат, Уянга нар эхний байруудыг эзэлдэг “аварга” бүжигчид нь байжээ.

Олон нийтийн ажилд сайн оролцдог идэвхтэй анги. “Бага доод күрсийнхэн биднийг их дуурайдагбайж билээ. Бид хоорондоо ойлголцохгүй байна гэж хэзээ ч байхгүй. Нэг нь дутагдалтай зүйл гаргавал бусад нь хэлж шүүмжлээд ойлгуулна. Тэр нь ч хүний амьдралд их хэрэгтэй юм шиг байна лээ. Нэгнийхээ төлөө сэтгэл гаргаж их гүйдэг оюутнууд байлаа. Одоо ч тэр бид нэг амьтай байдаг” гэж эдний ангийнхан нэгэн дуугаар хэлцгээлээ.

Байнга уулзалддаг болохоор ч тэр үү төгссөнөөсөө хойш ангийн албан ёсны уулзалт хийж үзээгүй гэхээр хүмүүс гайхдаг гэнэ. “Уулзалт хийгээд яах юм. Тоглолт бүрийн тайзны хөшигний ард уулзалддаг нэг гэр бүлийн улс шиг хүмүүс шүү дээ” гэж тайлбарлана.

Хөдөө орон нутаг, хилийн чанадад байгаа нөхөдтэйгээ утсаар, цахим ертөнцөөр байнга харилцана. Эдний ангийн бас нэг сонин зүйл нь монтажны зургаа авахуулаагүй гэнэ, одоо болтол. Оюутны ширээний араас л олонд танигдаж ирсэн тэдний хувьд төгсөлтийн баяр, төгсөлтийн шалгалтын үеэр завгүй байсан учир монтажаа хийлгэж амжаагүй гэсэн. Гэхдээ төгсөлтийн 15 жилийнхээ ойгоор сайхан гэгчийн монтажтай болохоор ярилцчихсан гэнэ лээ.

С.АРИУНЖАРГАЛ