Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улиасны унгирал хүний биед харшил өгөхгүй

Хотын гудамж,
талбайд улиасны унгирал буюу цагаан хөвөн энд тэндгүй хийсч хүмүүсийг бухимдуулж
байна. Хаа сайгүй хийсэх унгирал хүний биед хүрэхэд ирвэгнүүлэх л мэдрэмж түрүүлдэг
байна. Харин хүмүүс нүдэнд харагдах унгирлаас болж харшил хөдөлж байна хэмээн андуурдаг
ажээ. Хотын гудамжаар хийсэх хөвөнг хүмүүс ад үзэж байхад багш Д.Сэрдарам фэйсбүүк
хуудаснаа хүмүүст хандан хөвөнг тарих уриалга гаргасан юм. Тэрээр “Та бүхэн хөвөнгөөс
залхаж байна уу. Энэ хөвөн луулинаас хамаагүй бага харшил өгдөг. Ер нь бараг харшил
өгдөггүй гэх үү дээ. 27-ны усалгаанд явахдаа бүгдээрээ гялгар уутанд хөвөн цуглуулаад
ирээрэй. Бид түүнийг хээр аваачиж тарина. Гялгар ууттай Тополиный пух-ын хэмжээгээр
та нарт зайрмаг авч өгнө” хэмээн бичжээ.

ШУТИС-ийн
багш, дэлхийн энхийн их наадмын төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Сэрдарамтай
уриалгынх нь талаар ярилцлаа. Тэрээр “My club” клубийн тэргүүнээр ажиллаж, мод тарих
олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа юм.

-Та уриалгынхаа
талаар яриач?

-“My
club” клубийнхэн хагас сайн өдөр болгон тарьсан модоо услахаар усалгаанд явдаг юм.
Хүүхдүүд шатааж тоглоод байдаг хөвөнг уутаар цуглуулаад ир. Тэрийг замдаа элс байгаа
голын тохой газруудад булчихъя гэж бодоод байгаа юм. Энэ хөвөнг ингэж хог болгож
байхаар хээр аваачаад тарьчихъя гэж уриалж байна.

-Улаанбаатар
хотод улиас мод их байдаг байх аа?

-Оросууд
Монголд олноороо байсан 60-аад оны үед Улаанбаатарт Сибирийн цагаан улиас оруулж
ирээд тарьсан байдаг юм. Энэ нь маш хурдан ургадаг мод. Улаанбаатар хот ямар ч модгүй
байсан учраас моджуулах гэж тарьсан байдаг. Монголд дасан зохицоод хамгийн сайн
ургасан. Улаанбаатар хотын гол өнгө үзэмжийг хийдэг, муу нэртэй мод. Харшил үзүүлдэггүй
гэж мэргэжлийн эмч нар хэлдэг юм билээ. Би эмч биш л дээ. Оросод энэ мод маш их
байдаг ч оросууд хөдөө хээр тарьдаг юм. Энэ мод 120-130 жил насалдаг. Бас Ховд,
Улиастайд Манжийн үед их тарьдаг байсан юм билээ. Хотод уг нь ийм мод тарих ёсгүй.
Маш гоё үзэмжтэй, бутлаг ургамал сонгох шаардлагатай байдаг. Шинэс, гацуур, хайлаас
таривал илүү их хотын эко цэцэрлэгжүүлэлт болно. Одоо бол хотод улиангарууд хог
болчихдог болж. Гэтэл оросууд үүнийг арчлаад хайрлаад их гоё ургуулдаг. Унгирал
л хамар, ам руу орж ирээд байдаг болохоор хүмүүс ад үзээд байдаг юм шиг байна лээ.

-Таны уриалгыг
хүмүүс хэр дэмжиж байна?

-Манай группийн
оюутнууд усалгаанд явахдаа ууттай хөвөнгөө аваад ирнэ. Би зөрүүлээд зайрмаг аваад
өгнө гэж тохирсон. Тэрийг нь 100 метр газар булчихъя гэж бодоод байгаа юм.

-Арчилгаа,
усалгаа бага ордог мод юм уу. Хөвөнг яаж тарих юм бэ?

-Хөвөнг үр
тарьж байгаа юм шиг л булчихна. Энэ өөрөө их тэвчээртэй мод. Усалгаа шаардахгүй
өөрөө ургачихна. Гудамжаар явж байгаад атга хөвөн аваачаад хашаандаа тарьчихвал
ургачихна шүү дээ. Мэдээж байшингаасаа хол ургуулах хэрэгтэй.

Унгирал хүний
биед харшил өгдөг эсэхийг “Эозинфилия” харшлын эмнэлгийн эмч Д.Батжаргалаас тодрууллаа.

-Харшлын
оргил үе хэзээ эхэлдэг вэ?

-Ер нь тавдугаар
сараас есдүгээр сар хүртэл ургамлын харшлын үе явагддаг. Тавдугаар сараас зургадугаар
сарын 20-ны хооронд модны тоосжилтын үе буюу улиас, хайлаас, бургас, нарс гэх модны
тоосжилт явагдана. Зургадугаар сарын 20-оос долдугаар сарын 20 хүртэл бутлаг ургамал
буюу өвсний төрөл болох согоовор, ерхөг, арвай гэх ургамлууд тоосоо гүвдэг. Долдугаар
сарын 20-оос хогийн ургамал буюу шарилж, буйлны тоосжилтын үе явагддаг. Тэгэхээр
яг энэ үед ургамлын тоос агаарт байж байдаг. Яг энэ үед улиаснаас харшилтай, модлог
ургамлаас, шарилжнаас харшилтай хүмүүс ямар нэг байдлаар харшил нь хөдлөөд яваад
байдаг юм.

-Улиасны
унгирал хүний биед харшил өгдөг үү?

-Монголын
харшил судлалын нийгэмлэгийн судлаачид “Улиасны хөвөн хүнд харшил өгөөд байна уу”
гэдгийг судалгаа хийж үзсэн. Унгирлын уургийг шинжилж үзэхэд харшил төрүүлэх хэмжээний
уураг байхгүй гэсэн судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл, хүнд харшил өгдөггүй гэдэг нь
шинжлэх ухаанаар нотлогдчихсон зүйл. Унгирлыг агаарт хийсч эхлэх үед модлог ургамал
зэрэгцээд тоосоо гөвж байдаг. Хүмүүс нүдэнд харагдаж байгаа цагаан хөвөнд л буруу
өгөөд байгаа. Энэ хөвөн хамар руу орох, энд тэнд хүрэхэд эрвэгнүүлэх, загатнуулах
мэдрэмжүүдийг л өгдөг нь хүмүүст төвөгтэй байдаг байх.

-Одоо удахгүй
шарилжны харшил хөдлөх гэж байгаа юм байна. Тэр үед дархлаагаа дэмжих ёстой юу?

-Ер нь долдугаар
сарын 20-оос шарилжны тоос ууршчихсан байдаг учраас харшил ихээр хөдөлдөг. Хүмүүс
хэт дархлаа суларснаас болоод харшилтай болчихлоо гэж ойлгоод байдаг. Гэтэл тийм
биш. Хүний биеийн дархлаа тэнцвэрт байдал алдагдаад ирэхээр гаднаас орж ирж байгаа
зочруулуудыг хэт мэдрээд өвчин үүсэх шинж чанараа хадгалаад явдаг. Гэтэл манайхан
дархлаа суларчихсан гээд дархлааны эмнүүдийг хэрэглээд яваад байдаг. Энэ нь хэт
мэдрээд байгаа зүйлээ дэмжээд байна гэсэн үг. Харшил хөдлөөгүй өвөл, хаврын үед
дархлаагаа дэмжих зорилгоор дархлааны эмнүүдийг хэрэглэж болно. Тэгэхээр энэ үед
ямар харшилтай байна вэ гэдгээ мэдэхийн тулд мэргэжлийн эмчид үзүүлж шинжилгээ оношилгоогоо
хийлгэж, харшлын сорилыг тавиулж үзэх хэрэгтэй. Сорилоо тавиад оношлуулчих юм бол
миний харшил таван сарын сүүл, долоон сарын эхээр эхлэх юм байна гээд мэдээд авчихвал
харшил хөдлөхөөс нь урьдчилан сэргийлж болно. Эмч дээрээ ирж зөвлөгөө авч, харшил
хөдлөх үедээ шинж тэмдгийн эмчилгээг хийлгэх бүрэн боломжтой. Манайхан сургаар бие
биенээ эмчилж, эмийн сан дээр очоод харшил хөдөлчихлөө гээд дураараа эм хэрэглэж
явж байгаад нөгөө харшлаа хүндрүүлдэг тал бий.

С.Ариун

Categories
мэдээ цаг-үе

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 23.00 цагаас хойш амьдрал буцалж байна

Манай сурвалжлах баг шөнийн сурвалжлагаараа залуус чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгааг сонирхлоо. Зуны аагим халуун өдрүүд эхэлж, өдөр нь хэт халж байгаа учраас хэн хүнгүй нар буухыг хүлээх болжээ. Бид нар буухыг хүлээж байгаад орой 22.30 цагийн үед “Ku Damm” сүлжээ ресторанд оров. Бараг дүүрэн хүнтэй байв. Ширээнүүдийг ажиглахад гэрээрээ хоол идэж байгаа хүмүүс, вино шимэх хосууд, найзуудаараа уулзаж буй залуус задгай пиво тулгацгааж харагдав. Зөөгчийг нь дуудаж хоол захиалах гэсэн гал тогоо нь 22.00 цагаас хаачихдаг юм байна. Тогооч явсан гэх хариу өглөө. Тэд 22.00 цагаас хойш бэлэн байгаа самар, чипс зэргийг зардаг ажээ. Уг нь тэндхийн стейкийг идэх гэж зорьж очсон миний хүсэл биелсэнгүй. Ингээд уух юм захиалан хэсэг суулаа. Цагийн дараа л гэхэд зөөгч ирж “Манай сүүлийн захиалга. Та нэмж юм захиалах уу, тооцоогоо авах уу” гэж асууж байна. “Нэмж юм захиаллаа гэхэд танайх хэдээс хаах юм бэ” гэхэд “Одоо хааж байна. 00.00 цаг гэхэд манайх хаалга барина” гэв. Ресторанд хосоороо сууж байсан хоёр тооцоогоо төлчихөөд хаачихаа ярьж байна. “Гадаа дулаахан гоё байгаа юм чинь хоёулаа цэцэрлэгт хүрээлэн орох уу” гэж залуу асуухад бүсгүй дуртай зөвшөөрөв. Бид ч ресторанаас гарлаа.

Гадаа дулаахан байгаа учраас гудамжинд хөл хөдөлгөөн ихтэй байв. Гэхдээ 23.00 цагаас хойш орох газаргүй болж залуус гудамжаар дэмий л сэлгүүцдэг болжээ. Гудамжаар жаахан алхлаа. Дунд сургуулийн гэмээр дөрвөн хөвгүүн “Бүгдээрээ зүгээр байж байхаар баар орох уу” гэж ярилцах нь содон сонстов. Тэд хоорондоо тохиролцсон бололтой “Доргио орцгооё” гэж хашгиралдан алхацгаав. 00.00 цагаас хойш баарнаас өөр орох газаргүй, ер нь ямар ч сонголтгүй болчихож. Ресторанд хосуудын ярилцаж байсныг санаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орохоор хөдлөв. Цэцэрлэгт хүрээлэнгийн машины зогсоол цагийн 1000 төгрөгийн төлбөртэй юм байна. Энд харин наадам болж буй мэт хөл хөдөлгөөн их байв. Дулаарснаас хойш Цэцэрлэгт хүрээлэнг зорих хүмүүс ихэсчээ.

Цэцэрлэгт хүрээлэн 22 төрлийн 110 мянга гаруй мод буттай, зүлэг, цэцэг, унадаг дугуйн зам, 40 метрийн голчтой, 360 градус эргэн оргилдог усан оргилуур, 24 метр өргөн, 230 метр урт боржин чулуун талбай, 30 уран баримал, хүүхдийн болон спортын талбай, 2.5 км гүйлт, цанын зам болон 40х40 хэмжээтэй мөсөн гулгуурын задгай талбайтай гээд магтах зүйл их юм. Хаа сайгүй хүүхэд цангинаж орилолдох дуу, машинаа байрлуулж байхад сонстож байв. Цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалга руу ороход үүднээс нь эхлээд л худалдаа, наймаа эхэлжээ. Тэнд хөгшин залуу, хүүхэд гээд нийслэлийн бүх л хүн цугласан байна. Удирдлагатай машиныг хүүхдүүдэд таван минутыг нь хоёр мянган төгрөгөөр унуулж байна. Тэнд ирсэн хүүхэд болгон л сонирхон тоглож байгаа харагдав. Залуус хоорондоо бооцоотой дартс шидэн тоглох ажээ. Хажууханд нь хөөсөн чихэр, бөмбөлөг зарж байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирснийх хөдөлгөөн хийхээр дугуйн прокат руу очлоо. Таван хүний том дугуй нэг тойроход 10 мянган төгрөг бол дөрвөн хүнийх нь долоон мянган төгрөг аж. Дугуйг олуулаа жийх боломжтой учраас хөл цуцах зовлонгүй юм билээ. Хоёр болоод гурван цуваа дугуй, эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гээд олон сонголт байгаа аж. Тэнд дугуйгаа хүлээн таван минут байхад зогсоо зайгүй хүмүүс дугуй прокатлаж харагдав. Тэндхийн ажилчдаас хэр их хүн үйлчлүүлдэг талаар асуухад өдөр халуунд мэр сэр хүн байна. Гэхдээ л хүн ерөөсөө тасардаггүй юм. Орой 20.00 цагаас хойш үйлчлүүлэгч ихтэй болдог хэмээж байв. Дугуй унахаар ирсэн Л.Сондор “Амралт чөлөөт цагаа хөгжилтэй, зөв боловсон өнгөрөөе гэвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд л ирэх байх. Энд ирэх болгондоо дугуй унадаг. Бас усан оргилуурыг хараад суух сайхан байдаг шүү” хэмээж байна. Тус дугуйн зам дээр хүмүүс өөрсдийн дугуйгаа авчирч унадаг бөгөөд өөрийнхөө дугуйтайгаа ирсэн залуус харагдав. Дугуйтайгаа жийж байхад гүйлтийн замаар мөн л олон хүн гүйж харагдав. Гэхдээ голдуу хөгшин хүмүүс ажээ. Тэд хөдөлгөөн хийхээр энд ирж гүйдэг юм байна.

Цэцэрлэгт хүрээлэнд хоол, зууш, хүүхдийн тоглоом, худалдаа, үйлчилгээ гарсан байв. Усан оргилуурын доорх гэрлийн доорх сандал дээр хүмүүс овоороод байхаар нь очлоо. Тэнд дүрслэх урлагаар суралцдаг гэх хоёр оюутан хүмүүсийг суулгаж байгаад хөрөг нь зурж өгч байна. Тэр хоёрын зурахыг хүмүүс сонирхон ийн тойрч зогсчээ. Тэд нэг хөргийг 5000 төгрөг зурж өгдөг юм байна. Нэг зургийг 15 минут зурж байна. Өөрсдийгөө зуруулах гэсэн хүмүүсийн дараалал нэлээд урт болжээ.

Баянзүрх дүүргийн VIII хорооны иргэн Г.Ганзориг “Хүүхдүүдтэйгээ салхилах гээд ирсэн юм. Одоо л агаар салхи нь таараад сайхан байна. Залуучууд болоод гэр бүлээрээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг ганц газар нь энэ болж байх шиг. Үүнд сэтгэгдэл өндөр байгаа. Залуус, хүүхдүүд их ирдэг учир орчин нөхцөлийг нь сайжруулж, үйлчилгээний газрыг ганц нэгээр нэмэгдүүлбэл зүгээр юм шиг санагдаж байна. Агаар, мод бут, зүлэгний үнэр, төв талбайн хажуугаар суурилуулсан түшлэгтэй сандлууд, гэрэл, цэцэгс сайхан юм. Үзэж харах зүйл олонтой, зугаалах талбай нь ч том болохоор олон цагаар саатчихаад буцдаг юм” гэж ярив.

Улаанбаатар хотод 22.00 цагаас хойш хоол идэх газар олдохгүй бөгөөд 00.00 цагаас хойш орох газаргүй байна. Уг нь хэт их халж байгаа энэ үед л шөнийн худалдаа наймааг нэмэгдүүлмээр юм. Наад зах нь ресторан, coffee shopыг ядахдаа л 02.00 цаг хүртэл ажиллуулчихаж болдоггүй юм байхдаа гэсэн бодол төрж байв. Биднийг 01.00 цагийн үед явахад цэцэрлэгт хүрээлэнгийн хөл хөдөлгөөн татрах шинжгүй л байсан юм. Харин хотын төв рүү хөдөлгөөн эрс багасчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэс Тавантолгой”-д нийт 142 сая ам.долларын нүүрсний нөөц бий

УИХ-ын гишүүн, Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг “Эрдэнэс Тавантолгой” компани болон орон нутгийн “Тавантолгой” хувьцаат компанийн үйл ажиллагаатай танилцлаа. “Эрдэнэс таван толгой” компани үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш нийт 15.5 сая тонн нүүрс олборлож, 12.2 сая тонн нүүрс экспортлоод байгаа юм. Одоогийн байдлаар тус компанийн агуулахад 2.3 сая тонн нүүрс, олборлоход бэлэн хоёр сая тонн нүүрс байгаа бөгөөд нийт 142 сая ам.долларын өртөгтэй нүүрс байгаа аж. Энэ нь “Чалко”-гийн өрийг дарахад хүрэлцэх боловч “Эрдэнэс таван толгой” компаниас “Чалко”-гийн хүсэлтийн дагуу сард бэлэн мөнгө болон нүүрс өгч байгаа юм байна. Одоогоор “Эрдэнэс таван толгой” компанийн Баруун цанхийн үйл ажиллагаа зогссон бөгөөд Зүүн цанхийн олборлолт хэвийн явагдаж буй. Зүүн цанхи өдөрт 60-80 мянган метр куб буюу 20-40 мянган тонн нүүрс олборлож байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар өдөрт 200-250 машин нүүрс тээвэрлэж байгаа бол цаашид 800 машин болгох зорилготой байгаа аж. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд ирэх оны эхний хагаст “Чалко”-гийн өрийг төлж барагдуулна” хэмээв.

Л.ЭРДЭНЭЧИМЭГ: ТӨМӨР ЗАМЫН АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг Зүүн Цанхийн ордтой танилцаж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Тавантолгойн гэрээ хүмүүсийн анхаарлын төвд байна. “Чалко”-гийн өрийг “Эрдэнэс Тавантолгой” төлөх боломжтой юу?

-“Эрдэнэс Тавантолгой” компани 2011 оноос хойш одоог хүртэл хэвийн ажиллаж байна. Уурхайн Зүүн Цанхи болон Баруун Цанхийн хоёр хэсэг дээр нэг метр куб нүүрсийг 6800 төгрөгөөр олборлож, уурхайн аман дээр борлуулалтаа хийн “Чалко”-гийн өрийг төлж байна. Олборлосон нүүрснийхээ 50 хувиар борлуулалт хийж, талыг нь өрөндөө өгч байгаа юм. Борлуулалт хийсэн мөн­гөөрөө цаашид үйл ажил­лагаа явуулах зардлаа гаргаж ажилладаг. Дотоодын компаниудын нэгтгэл бол­сон “Монгол Уурхайчин” компанийнхантай уулзахад зарласан тендерийнхээ хэмжээнд олборлолтоо хийж чадахгүй байна. Одоогоор нийт хүчин чадлынхаа 40 хувийг ашиглаж, үлдсэн хэсэгт сул зогсолт хийж байгаа аж. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” гэрээ зөрчиж байна гэсэн үг. Учир нь “Чалко” авах ёстой өрнийхөө хэмжээнд нүүрсээ авахгүй байна. Хэрэв “Чалко” компани нүүрсээ татаад дуусгалаа гэхэд гурван сарын дотор 142 сая ам.долларыг төлөхөд бэлэн байгаа. Гэхдээ “Чалко” компани Хятадад байгаа бусад нүүрс худалдан авагчдад зуучилж нүүрсээ зардаг эцсийн хэрэглэгч биш учраас худалдан авагчаа олсон нөхцөлд тэр хэмжээгээр нүүрс татаж авдаг юм байна.

-Тулгамдаж буй асууд­луудын талаар?

-Автозамын асуудал байна. Шороон замаар тээвэр­лэлт хийх нь байгаль орчинд хор хөнөөлтэй учраас “Энержи Ресурс” компани зам барьсан байдаг. Гэтэл тэр замыг улс буцаагаад авчихсан. Тус зам нь орон нутгийн замаас арай дээр боловч хүнд даацынх биш. Нэг машин 130 хүртэл тонн нүүрс ачаад явах боломжтой байхад уг зам дээр 70 тонноос хэтрүүлэн ачих боломжгүй. Тэгэхээр урьд нь нэг машин ачдаг байсан нүүрсийг хоёр машинд ачуулах шаардлага гарч тээвэрлэлтийн зардлыг өсгөжээ. Нэг машинд 130 тонн нүүрс ачихын тулд шороон замаар явж, буцаж ирэхдээ хоосон машин автозамаа ашигладаг байсныг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд Шадар сайд У.Хүрэлсүх орон нутгийнхантай уулзаж, малч­дын хувьд хүнд байдалтай байсан учраас “Автозамаа ашигла” гэсэн тушаал гаргажээ. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд уурхайн ам дээрээс нүүрсээ борлуулчихаж байгаа учраас худалдан авагч талдаа алдагдал хүлээж, худалдан авалтаа багасгаж байна. Би бага хэмжээний хөрөнгө гаргаад автозамын даацыг нь нэмэгдүүлэх боломж бий юу гэсэн асуудлыг тавьсан ч даацыг нэмэгдүүлэх боломж байхгүй байсан. Анхнаасаа суурийг нь тавихдаа хүнд даацынхаар тавих хэрэгтэй. Иймээс худалдан авагч тал өөрсдөө замаа тавиад, эргээд нүүрсээр замынх нь өртгийг барагдуулах боломжтой гэсэн саналыг тавиад байгаа юм байна.

Мөн төмөр замыг хурдан барих ёстой. Учир нь төмөр зам нэг кг нь 3.3 центээр ачигдах учраас нэг тонноос 10 ам.доллар хэмнэх юм билээ. Ингэхээр нүүрсний үнэ 20-30 хувиар хямдарна гэсэн үг. Энэ утгаараа тухайн бүс нутагт хамгийн хямд өртөгтэй нүүрс болж чадна. Тиймээс төмөр замын асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна.

-Гэрээ хэзээ батлагдах вэ?

-Гэрээний тухайд олон хууль, тогтоомжийг зөрчсөн байгааг Ажлын хэсэг мэдээл­сэн. Тэгэхээр хууль тогтоомжид нийцүүлж оруулах нь чухал. Энэ асуудал зөвхөн нэг улсын хамааралтай мухар төмөр замтайгаар энэ ордыг ашиглах нь Монголын ирээдүйд ач холбогдол муу. Хөндлөн чиглэлийн 1800 км зам нь ОХУ-аар дамжин гуравдагч зах зээлд хүрэх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Мөн Сайншандын нүүрсийг бэлэн бүтээгдэхүүн болгож, нэмүү өртөг шингээх зам учраас энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг нь хамт хийх ёстой. Төмөр замын хөрөнгө оруулалт нь уурхайн хөрөнгө оруулалтаас өндөр учраас төмөр замынхаа хөрөнгө оруулалтыг шийдсэн нөхцөлд Монголын төмөр зам компани 51 хувийг, Тавантолгойг тухайн хөрөнгө оруулагч талдаа 49 хувийг эзэмших боломжтой. Тиймээс энэ асуудлыг дэмжих хөрөнгө оруулагчийг бид олох ёстой гэдэг үүднээс тогтоолын төслийг боловсруулж УИХ-д өргөн барих гэж байгаа. Харин Засгийн газраас нэгэнт хууль зөрчсөн гэрээ учир эргүүлэн татах байх. Буцааж УИХ-д өргөн барина. Тогтоолын дагуу эдгээр өөрчлөлтүүдийг оруулаад гэрээг батлах байх.

-Тогтоолын төсөлд тус­гах шаардлагатай асуудал байна уу?

-Тогтоолын төсөлд 1072 хувьцааг оруулна гэдгээ тодорхой хэлчихсэн. Нөхцөл байдалтай танилцлаа. Гэхдээ дүгнэлт хэлэхэд эрт байна. Ямар ч байсан “Эрдэнэс Тавантолгой” компани хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгааг харлаа. Нэн түрүүнд төмөр замыг нь бариад өгчихвөл Тавантолгойн орд нь өөрөө хөрөнгө босгох боломжтой орд гэж харж бай­на. Төмөр замтай гэдгээрээ энэ ордын үнэ олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ өснө.

-“Эрдэнэс Таван толгой” компани хамтарсан концесст ороод явах нөөц бололцоо байна уу?

-“Эрдэнэс Таван толгой” компани бага зардлаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн угаах үйлдвэр барих боломжтой болох байх. Эсвэл “Энержи Ресурс”-т бэлэн байгаа үйлдвэрийг ашиглаж нүүрсээ угааж болно. Дээрээс нь хуурай аргаар нүүрс угаах технологийг япончуудтай хамтран судалж байгаа гэсэн. Тэгэхээр угаах үйлдвэрийн зардал их биш. Энэ байдлаар дахин хоёр жил үйл ажилла­гаагаа явуулахад ямар ч алдагдал гарахгүй. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компа­нид хөрөнгө оруулалт шаардлагагүй. Харин төмөр замдаа хөрөнгө оруулалтаа голчлон тавьж өгөх шаард­лагатай байна.

ОРОН НУТГИЙН ТАВАН ТОЛГОЙ 3.5 ТЭРБЭМ АМ.ДОЛЛАРЫН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ

Мөн энэ үеэр ажлын хэс­гийн ахлагч Л.Эрдэнэчимэг Орон нутгийн өмчит “Таван толгой” хувьцаат компаний төв байранд очиж үйл ажил­лагаатай танилцсан юм. Орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компани хамгийн бага зардлаар олборлолт хийж, уурхайн аман дээрээс үнэтэй зарах бодлого баримт­лаж байгаа учраас өнгөрөгч онд 3.5 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. Мөн энэ оны эхэнд Орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компани 22 сая тонн нүүрс дангаараа олборлосон байна. Тавантолгойн орд газраас анхны нүүрсний экспортыг эхлүүлж, Гашуунсухайт хилийн боомтоор 256 тонн нүүрсийг БНХАУ-д нийлүүлжээ. Орон нутгийн өмчит “Тавантолгой” компани бусад компаниудаас хамгийн хямд буюу нэг метр куб нүүрсийг 4700 төгрөгөөр олборлодог юм байна.

Тус компани ашигт малт­малын тухай хууль шинээр гарч “Тавантолгой” ХК өөрийн эзэмшилд байсан ордын нийт 11350 га талбайг улсад буцаан өгч, 169 га талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. “Гашуунсухайтын автозам” ХХК, “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийн хувь эзэмшигч болж хөрөнгө оруулалтыг хийсэн аж. “Тавантолгой” ХК нь орон нутгийн 51 хувь хувьцаа эзэмшигчдийн өмч 49 хувийн өмчлөлтэй бөгөөд ашиглалтын хугацаанд нийт 31 сая тонн нүүрс олборлон борлуулжээ. Ордын хэмжээнд дотоодын зах зээлд борлуулалт хийдэг ганц компани бөгөөд дотоодын зах зээлд жилдээ 500 тонн кокс үйлдвэрлэн нийлүүлсэн байна. Тус компанийн хувьцааг дэлхийн 23 орны иргэд эзэмшдэг бөгөөд иргэд ч мөн хөрөнгийн бирж дээрээс хувьцааг нь худалдан авах боломжтой юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Улс, орон нутгийн төсөвт татварт 403.48 тэрбум төгрөг орлого төвлөрүүлсэн бөгөөд тус аймгийн төсөвт ногдол ашгаас 110 тэрбум төгрөг төвлөрүүлж, төсвийнх нь 70-80 хувийг дангаараа бүрдүүлэн ажиллажээ.

Categories
мэдээ цаг-үе

Хүнийг хүндэлж байж өөрийгөө хүндлүүлдэг гэдэгт би итгэдэг

“Academy awards 2015” наадмаас “Аав” киногоороо шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал аваад буй УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболдтой ярилцлаа.

-Юуны өмнө “Academy awards 2015” наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал авсанд баяр хүргэе?

-Баярлалаа. Кино маань амжилттай болсны үр шим шүү дээ.

-Шилдгийн шилдэг бүтээлээр шалгарсан “Аав” кино Г.Эрдэнэбилэг та хоёрын хамтран найруулсан кино байх аа?

-Тийм ээ, Эби бид хоёрын анхны уран бүтээл. Би хоёрдугаар найруулагчаар ажилласан юм. Залуу зохиолч М.Энхдалайгийн бүтээл. Эби бид хоёр театрт нэг өрөөнд суудаг юм чинь ирэхээр нь ийм зохиол байна гэжхэлээд үзүүлсэн. Хоёулаа зохиолыг нь уншаад давгүй юм, кино хийе гэж шийдсэн. Кино олон хүний санаагаар бүтдэг учраас киноны багийн Базаррагчаа, Оки гээд бүх хүмүүс ярилцаж байж киногоо өлгийдлөө. Зохиолын зарим хэсгийг өөрчилсөн л дөө. Багийнхан маань сайхан уялдаатай ажилласны үр дүнд кино маань шилдгийн шилдэг уран бүтээл боллоо.

-Дүр сонголтын хувьд яаж сонгов?

-Бид гол дүрийн охиныг сонгохын тулд их олон хүүхдээс проба авсан. Тэгээд СУИС-ийн дөрөвдүгээр курсийн Б.Мөнхдэлгэр гэдэг охиныг сонгосон.

Б.Мөнхдэлгэр дүрдээ наалдахаар их гоё энгийн тоглолттой байсан юм. Мөн миний залуу насанд УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр тоглосон.

-“Аав” киноны дууг та дуулсан байна лээ. Сүүлийн үед хүмүүс их сонсож байгаа?

-Миний дуулна гэж юу байхав дээ. Дуучин С.Нарантай хамтарч дуулсан. Нөгөө хэдээрээ заалгаж байгаад жаахан эвтэйхэн л дуулсан юм.

-Таны хоолой одоо брэнд болчихлоо шүү дээ. Удмынх уу?

-Удам байгаа байх.

-Таны бага нас Налайхад өнгөрсөн гэсэн үү. Айлын хэд дэх хүүхэд билээ?

-Бага нас маань Налайхын тавдугаар хороонд өнгөрсөн. Манай аав уурхайчин хүн. Ээж маань Налайхын ахуйн үйлчилгээнд оёдолчингоос эхлээд нярав, мэргэжилтэн хүртэл ажилласан. Одоо хоёулаа тэтгэвэртээ гарчихсан. Би айлын том хүү. Миний доорх дүүг Цэрэннэмэх гэдэг. Багш мэргэжилтэй. Бага дүү маань бас багш. Хашхүү гэдэг бүсгүй бий. Ганц охин нь болоод тэгдэг юм уу жаахан байхаасаа их хэрсүү байсан. Хэдийдээ ч хоол хийгээд сурчихсан юм бүү мэд. Хэзээ ч бид хоёрын хувцсыг угаагаад сурчихсан юм. Их ажилсаг дүүтэй.

-Ээжтэйгээ нэг кинонд тоглосон гэсэн үү?

-“Аав” киноны жижиг хэсэгт тоглосон. Ээжийг чадах юм болов уу гээд эргэлзэх байх гэсэн чинь их дуртай тэгье гэж хүлээж аваад тоглосон л доо. Киноны гол дүр залуу насандаа будилж явах үед миний ээж өмнөх дурсамжийн хоёр багахан хэсэгт тоглодог юм.

-Та яагаад жүжигчин болчихов оо. Жүжигчин болно гэж боддог байв уу?

-Жүжигчин болно гэж бодож байгаагүй. Манайх Налайхаас Багануурт шилжиж очсон юм. Би тэр үед гал унтраах 64 дүгээр ангид гурван жил жолооч хийсэн. Тэр хооронд байгууллагуудын хооронд АСК тэмцээн болдог байсан. Д.Бямбацогт ах Багануурын театрын дарга байсан үе. Д.Бямбацогт ах биднийг тэмцээн уралдаанд бэлдэж байгаад “Чи ер нь шалгалт өгөөд үзвэл яасан юм” гэсэн. Манай ээж намайг дэмжээд оюутан бол гээд жүжигчин болох зам руу орж байлаа.

-Оюутан байх үеэ дурсаач?

-Би Мюзикл дээд сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр 2003 онд төгссөн. Баасансүрэнбагш надаас шалгалт аваад “Чи тэнцэх юм байна” гээд тосч авч байсан хүн. Сургууль маань МУГЖ дуурийн дуучин Д.Баадайжав гээд их сайн багш нартай сайхан сургууль байсан.

-Сургуулиасаа эхнэрээ сонгосон гэх юм билээ?

-Миний эхнэр эдийн засагч мэргэжилтэй. Тэр үед манай сургуульд санхүү хариуцсан ажилтан байсан юм.

-Анх аав болох ямар санагдаж байсан бэ. Хүүгээ гарахад ямар сэтгэгдэл төрж байв?

-Аав болох үгээр хэлэхийн аргагүй маш сайхан мэдрэмж. Хамгийн түрүүнд аав руугаа ярьж “Та өвөө боллоо шүү дээ” гэж хэлсэн. Хүн өөрөө аав болохоор аав, ээжийгээ ойлгодог юм билээ. Манай эхнэр хүүхдээ гаргаад “Би ганцхан хүүхэд гаргах гэж ингэж зовж байхад ээж минь яаж олон хүүхэд гаргасан юм бол оо” гэж байсан. Эмэгтэй хүн “эх хүн” гэдгээ илүү мэдэрдэг юм шиг санагдсан шүү.

-Хүүхдүүдийнхээ талаар яриач?

-Миний хүүг Далайцэрэн гэдэг. Одоо 11 настай. Бага маань Үлэмжгоо гээд дөрвөн настай хөөрхөн бор охин бий.

-Та сургуулиа төгсөөд шууд УДЭТ-т орсон юм уу?

-Ц.Төмөрбаатар гуай манай сургуульд багшилж байсан юм. Сургуулиа төгсөөд нэг жил Ц.Төмөрбаатар гуайн туслах багш хийсэн. Театрын найруулагч Ч.Түвшин багш маань намайг төгсгөж байлаа. Ч.Түвшин багшийнхаа “Алтан унага” театрын жүжигчин гэж фестивальд оролцож байсан. Багш маань “Драм дээр шалгалт авч студийн жүжигчин авах юм байна. Чи бэлдэж байгаарай” гээд намайг бэлдүүлдэг байсан. 2006 онд шалгалтаа өгөөд УДЭТ-т орж байлаа.

-Драмын театрт ороод ямар жүжигт анх тоглож байв?

-Анх Б.Мөнхдорж найруулагчийн “Харц хатан” дуулалт жүжигт Гомбосүрэн гэж агь ноёны дүрд тоглож байсан. Театраас их юм сурдаг. Найруулагчаасаа гадна жүжигчдээсээ суралцана. Болохгүй байгаагаа багшаасаа асууна. Тэр үед Баавай, Мэндээ эгч хоёр надад их тусалж байсан. Миний хүү ноён хүний алхаа ийм байх ёстой гээд л зааж байсан нь саяхан мэт санагдаж байна.

-Хэдэн жүжигт тоглосон бэ?

-Таван жүжгийн гол дүр. 30-аад жүжгийн туслах дүрд тоглосон.

-Дэлгэцийн анхны дүрийн хувьд?

-Анх Австри, Германы хамтарсан “Чингис хаан” баримтат уран сайхны киноны Жамухын дүрд тоглож байсан. Монголд зураг авалт нь болж байсан юм.

-Жүжигчид түүхэн дүрд тоглохыг хүсдэг. Таны анхны дүрүүдийг харахад дандаа түүхэн кино байдаг шүү дээ. Одоо ямар дүрд тоглохыг хүсч байна?

-Тоглохыг хүсдэг дүр байдаг л даа. Дээхнэ нэг хүн надад хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. “Яг цэвэр дуурь сонсъё гэвэл хүн Италид очиж сонсоно. Шекспирийн жүжиг үзье гэвэл Англид очиж үзнэ. Тэрэн шиг Монголд ирээд үзэх юм нь Монголын өв соёл. Гадныхан Монголын үндэсний юмыг л үзнэ шүү дээ” гэж билээ. Тэгэхэд би дотроо ядаж нэг хуур татаж, хөөмийлж сурах юмсан гэж бодож байлаа. Жаахан оролдож үзсэн л дээ. Магадгүй кинонд хөөмийлөөд монгол гэсэн үнэр шигтгэхийг хүсч байна. Үндэсний өв соёл хамгийн чухал зүйл байна даа гэж дотроо бодож байлаа. Том уран бүтээл дээр сайхан дүр бүтээх шиг бахдам зүйл байхгүй шүү дээ. Одоохондоо сэтгэл ханамжтай бүтээсэн дүр алга л байна. Урлагийн буян болох байлгүй дээ.

-Сүүлийн үед та их моодонд ороод байна уу. Нээлтээ хийж байгаа бүх кинонд тоглосон байх юм?

-УДЭТ жилдээ хоёр, гурван шинэ жүжиг тавьдаг. Театрынхаа уран бүтээлд тоглоно. Хажуугаар нь киноны санал ирэхээр нь тоглочихдог юм.Энэ жилийн хувьд “Ар хударга” кино аль намар зургийг нь авчихсан байсан ч сая нээлтээ хийж байна. Энэ өвөл бол “Аав” кинондоо бүх анхаарлаа хандуулсан. Бас “Улаан театр”-ын Хангай, Сүхээ дүү нарынхаа анхны бүтээл дээр гурван хэсэгт тоглосон. Нэрийг нь мэдэхгүй байна тэгж байгаад гарах байх.

-Таны “Ар хударга” киноны хэсэг цахим ертөнцөд их яваад байгаа. Үг сонголтын хувьд зохиол дээрээ бичигдсэн байсан юм уу?

-“Ар хударга” кинонд би туслах дүрд тоглосон. Киноны маркетингийн хүмүүс миний тоглосон шоронгийн хэсгийг нь таслаад сошиалаар явуулчихсан юм билээ. Шоронд байгаа хүн тэр байтугай юм ярих байх гэж бодоод л би хэлчихсэн юм.

-“Марко поло”-д тоглохоор болсон гэсэн. Ямар дүрд шалгарсан юм бэ?

-Би “Марко поло” киног үзсэн их далайц нь том мундаг, сайхан кино байна лээ. Би энэ кинонд хоёр сценд тоглохоор болсон. Долдугаар сард Унгарт таны хэсгийн зураг авна гэж байсан юм. Гэтэл есдүгээр сард болчихлоо. Унгарт биш Малайзад таны хэсгийг авна гэсэн. Одоогоор тийм хариу ирчихээд л байж байна. Тоглосон хойно нь л тоголлоо гэхээс биш. Нөгөө улсууд чинь дахиад зохиолоо өөрчилчих ч юм билүү.

-Таныг найруулагч нар ямар дүрд голдуу сонгож байна?

-Эсрэг, хар талын дүрд л сонгох юм.

-Кинонд эсрэг дүр гол дүрээсээ илүү байдаг юм шиг. Таныхаар?

-Эсрэг дүр хийх юм ихтэй л дээ. Манай Дагва ах эсрэг дүр байсан ч дүрээ өмөөрч тогло гэж хэлдэг юм. Тэгэхээр дүрийн шугам хүчтэй бас их зөв гардаг байх. Эсрэг дүр ажиллагаатай сайхан шүү.

-Та өөрөө найруулагчийн үүднээс кино хийх үү?

-Хийх бодол байгаа. Хамгийн гол нь эдийн засаг. Тэр талаа шийдээд сайхан зохиол дээр ажиллая гэсэн санаа бий.

-Дүрийн судалгаагаа яаж хийдэг вэ?

-Тухайн дүрийн судалгааг амьдралаас эрж хайна шүү дээ. “Шарга даага” кинонд тоглохдоо нутгийн уяачидтай уулзаж адуугаа яаж уяж, сойж байгааг асууж судалгаа хийж байсан. Жүжигчин хүн болгон амьдралаас ийм судалгаа хийдэг.

-Та ихэнхдээ настай хүний дүрд тоглосон харагддаг?

-Тийм. Би уг нь 1977 оных. Хүүхэд байхын их овортой байсан. Намайг долдугаар ангид байхад хэзээ цэргээс халагдаж ирсэн гэдэг байлаа.

-Цэрэг гэснээс та цэрэгт явж байсан юм уу?

-Үгүй. Галын гурван жилээр хаалгаж байсан.

-Эр хүнд нөхөрлөл чухал байдаг. Та нөхөрлөлийг юу гэж боддог вэ?

-Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болддоггүй гэж үг байдаг шүү дээ. Бас зуун төгрөгтэй явснаас 100 найзтай яв ч гэдэг. Надад найз нөхөд олон бий. Хүнийг хүндэлж байж өөрийгөө хүндлүүлдэг гэдэгт би итгэдэг.

-Аав, ээж чинь одоо Баганууртаа байгаа юу. Танд юу гэж захидаг байв?

-Зундаа Улиастайн аманд зусдаг. Өвөлдөө Багануур руугаа орчихдог юм. Ажлын зав чөлөө гарвал аав, ээж дээрээ очдог юм. Аав маань олон дотроо сайхан яваарай, хамт олонтойгоо байгаарай гэж захидаг.

-Бага насандаа гэр бүлээрээ тэмдэглэж байсан хамгийн гоё баяр юу вэ?

-Өвөө маань 80 гарч бурхан болсон хүн. Би өвөө дээрээ өссөн. Өвөөгийн хүүхэд л дээ. Цагаан сар л их сайхан болдог байсан. Өвөө маань тэндээ хамгийн ахмад нь байсан болохоор олон ч хүн ирдэг байлаа.

-Өвөөтэйгөө байсан үеэ дурсаач?

-Миний өвөө дархан хүн байсан. Би хажууд нь галыг нь түлж өгдөг хүүхэд байлаа. Дарханых нь хөөргийг халаана. Сүүлд паяалник халаадаг болсон юм. Дарханы ажилд тусалдаг нь л би байсан. Өвөө надад гаанс толгой тааруулаад өгчихсөн. Багаасаа л тамхинд орчихсон хүүхэд байлаа. Өвөөтэйгөө адилхан тэр хавийн өвөгчүүлтэй их нийлдэг болохоор найзууд маань намайг “өвгөн Болдоо” гэж хочилдог байж билээ.

-Танд дарханы ур дүй бий юу?

-Өвөө бурхан болохын өмнө намайг дуудаад “Миний хүү өвөөгийнхөө дарханы багажийг Нэмэхээдээ өгөөрэй. Чи буу аваарай” гэсэн. Миний доод талын дүү шүү дээ. Уг нь тэр тусалдаггүй тоглоод л гүйж явдаг байсан юм. Гэхдээ өвөө миний хажууд хамаагүй гарын дүйтэй гэдгийг нь олоод харчихсан байсан л хэрэг. Тэгэхээр надад гарын дүй байхгүй байж.

-Өөрөө хүсээд энэ дүрд л тоглочих юмсан гэж тоглосон дүр бий юу?

-Олон дүрд тоглож байсан л даа. Жүжигчин хүн юм чинь янз бүрийн л дүрд тоглоно шүү дээ. Гэхдээ “Шарга даага” киноны уяачийн дүрийг л би дөхүүлнэ дээ гэж бодож байсан. Мөн “Аав” киног бас дотроо төсөөлөөд болох юм шиг санагдсан.

-Моринд дуртай юм уу. Яагаад уяачийн дүр ойрхон санагдав?

-Би моринд их хайртай хүүхэд байсан. Багадаа олон сайхан морьтой болоод уралдуулах хүсэл байлаа. Манай тавдугаар хорооныхон айл болгон жаахан малтай. Тэр үед хонинуудаа бүгдийг нь нийлүүлээд ээлжилж явдаг байсан юм. Үхэр малаа мориороо эргүүлнэ гээд хот доторх хөдөө гэх үү дээ.

-Танд дурлалт залуугийн дүр байхгүй шүү дээ. Тийм дүрд тоглооч гэвэл та тоглох уу?

-Тоглоно доо.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Хааяа нэг бильяард цохидог. Салхинд гарах сайхан.

-Гэртээ хариад та ямар хүн болох вэ?

-Гэртээ хариад хүүхдүүд­тэйгээ тоглоно. Манай бага намайг морь бол, арслан бол гээд зүгээр байлгахгүй. Эхнэрийнхээ хийж өгсөн хоолыг идчихээд л суваг солиод кино үзээд хэвтэнэ. Хамгийн сайхан жаргал маань тэр дээ.

-Ойрын үеийн төлөвлө­гөөгөө сонирхуулаач?

-Завсар зайгаараа хэл суръя гэж бодож байна. Гадагшаа явж үзлээ хэлтэй хүн сайхан юм. Заавал кинонд тоглох биш. Гадныхантай хамтарч ажиллахад ч хэрэг болно шүү дээ. Ер нь хүн цаашаа явъя гэвэл эхний ээлжинд хэлтэй болох хэрэгтэй юм байна гэж бодож байгаа.

-Та монгол дээлээр гоёдог уу?

-Жаахан хүүхэд байхдаа 7, 8 дээлтэй байлаа. Одоо хааяа тэмдэглэлт баяраар ч юм уу. Эсвэл тайз, кинон дээр л өмсөж байна.

-Наадмаар та яаж баярлах вэ?

-Зурагтаар бөх, морио үзэх байх. Би явж үзэх дургүй. Наадмаар миний хүүгийн төрсөн өдөр болдог юм. Бид нар өвөө, эмээ дээрээ очоод хонь гаргаж шөл уудаг. Хорхог хийнгээ “Хөөе нөгөө бөх юу болж байна. Хэний морь яаж давхив” гээд зурагт руугаа нэг гүйгээд буцаад хэдүүлээ хөхрөлдөөд л өнгөрөөдөг. Айргаа уугаад махаа огтолж идээд суух сайхан л даа. Олуулаа бужигнаж гэр бүлээрээ тэмдэглэсэн наадам сайхан байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Rapper Gee: Би залуусыг баар руу биш заал руу татмаар байна

Rapper Gee буюу Т.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Rapper Gee ямар мэргэжилтэй хүн бэ. Хэзээ сургуулиа төгсөж байв?

-Радио телевизийн дээд сургуулийг 2005 онд сэтгүүлч, зураглаач мэргэжлээр төгсөж байлаа. Багаасаа л сэтгүүлч болно гэж боддог байсан учраас Чойномыг уншиж өссөн.

-Яагаад мэргэжлээрээ ажиллаагүй юм бэ?

-Би одоо ч мэргэжлээрээ ажиллаж байгаа шүү дээ. Сэтгүүлч хүнтэй л адил өөрийнхөө дуугаар хүмүүст дуугаараа ямар нэг санаа өгдөг. Түүнийг ойлгох нь ойлгож, ойлгохгүй нь ойлгохгүй л явж байгаа болов уу.

-Сургуулиа төгсөөд л хип хопоор дуулсан юм уу?

-Их сургуулиа төгссөнийхөө дараа хэсэг мэргэжлээрээ ажиллаж байгаад гарсан. Тухайн үед таксины жолооч, худалдагч, ачигч гээд хийж үзээгүй ажил бараг байхгүй. Би багаасаа шүлэг бичиж, хүүхэд байхаасаа л хип хоп гэдэг зүйлийг оролдож эхэлсэн юм. Одоог хүртэл хип хопоо хаяагүй л явна.

-Тухайн үед хип хоп буюу rapper хүнийг сонсогчид яаж хүлээж авдаг байв?

-Хүмүүс анх доромжилно, шоолно гээд янз бүрийн л хандлага гаргадаг байсан. Би шантралгүй зүтгэсэн. Одоо би хүмүүст жаахан танигдаж, хүрч байгаа юм болов уу. Нөгөө талаас хип хопыг одоо хүмүүс ойлгодог болсон.

-Таны дуунууд этгээд, хараалын үг их байдаг. Хүмүүс дууг чинь сонсоод танхай залуу гэж ойлгодог ч амьдрал дээрээ их боловсон залуу гэдэг юм билээ?

-Би дуунуудаа хүмүүстэй ойлголцдог, ярилцдаг хэлээрээ бичдэг болохоор надад ямар ч этгээд үггүй санагддаг. Гэхдээ тэрийг сонсогчид дүгнэх байх. Өөрийгөө соёлтой гэх нь хаашаа юм. Би хүмүүст таалагдах гэж биеэ барилгүй өөрийнхөөрөө л байдаг. Намайг байгаагаар минь ойлгож байгаа хүмүүс л миний жинхэнэ нөхөр болж явдаг гэж боддог.

-Та уран бүтээлээрээ юу илэрхийлэхийг зорьж байна?

-Уран бүтээл гэж ярьж чаддаггүй юм. Айхтар урлагт орчихсон хүн би биш л дээ. Дуртай болохоороо л дуугаа гаргаад явна. Өөрийгөө бусдад илэрхийлж, нийгэмд болохгүй байгаа зүйлийг дуугаараа илэрхийлдэг. Дуу маань Хит парадад тэргүүлэх ч юм уу, эсвэл энд тэндхийн тоглолт дээр очиж дуулж мөнгө олохдоо чухал биш. Миний дууг арван хүн сонслоо гэхэд ядаж тав нь ойлгож, гурав нь амьдралдаа тусгаад хэрэгжүүлж эхлэх юм бол тэр амжилт. Би тэгж бодож дуугаа хийдэг.

-Таныг хип хопдоо үнэнч үлдсэн ганц хүн гэх юм. Rapper, MC гэхээр хэдэн дуу гаргачихаад л алга болчихдог юм шиг харагддаг?

-Хип хопод зүрх сэтгэлээ өгсөн хүмүүст зориулж дуулдаггүй сонирхлоороо үлдээсэн залуус олон. Надаас чадвартай хүмүүс их шүү дээ. Тэднийг үгүйсгэж болохгүй.

-Гэр бүлийнхнийхээ талаар яриач. Айлын хэд дэх хүүхэд билээ?

-Манай аав насаараа л армийн хүн байсан. Ээж минь их дайчин хүчтэй эмэгтэй бий. Би дээрээ ахтай айлын хоёр дахь хүүхэд. Ах бид хоёр таван насны зөрүүтэй болохоор хэтэрхий дундаа ороод байдаггүй. Ахыгаа дүү шиг нь хүндэлдэг.

-Хэнээс үлгэр, дуурайлал авдаг байв?

-Өсвөр насандаа “Дайн ба энх” хамтлагт их дуртай байсан. Тухайн үедээ их дуурайдаг байсан юм. Одоо амьдрал урсгалаараа намайг ийш тийш нь чиглүүлж байна. Би дагахдаа дагана, сэлүүрдэхдээ сэлүүрдээд л явж байна.

-Нэлээд олон шивээстэй юм, сонирхол чинь юм уу?

-Би өөрийнхөө дууг урлаг гэж хэлж чаддаггүй мөртлөө шивээсийг тэгж ойлгодог. Сүүлийн үед Монголын шивээс огцом хөгжиж байгаа гэж би дүгнэж байгаа. Таван жилийн өмнө шивээс хийдэг байсан технологи одоо хэд дахин илүү хөгжчихсөн. Шивээсээ голдуу Зөгий, Або найзуудаараа болон Нараа гээд шивээсчин бүсгүйгээр хийлгэдэг. Шивээс гэдэг чинь интернетээр зураг хараад л шууд хийлгэчихдэг зүйл биш. Шивээсийг хүний дотоод үзэл бодлыг биеийн гадна гаргах урлаг гэж би ойлгодог. Хүнтэй ярихгүй хувцасаа тайлахад хаанаас ирсэн, ямар үзэл бодолтой хүн бэ гэдэг маань шууд харагдана. Тиймээс шивээснийхээ утга санааг би өөрөө тийм утгатай, ийм өгүүлэмжтэй байвал гоё юм байна гээд сэтгэлдээ буулгачихна. Тэрийгээ шивээсчидтэйгээ ярилцаад тэд зураг болгож буулгадаг юм. Бэлэн болсон зургаа ярилцаж байгаад л арьсан дээрээ буулгадаг даа. Би өөрөө зураг зурах авьяасгүй хүн. Зураг зурах нь байтугай бичгийн цаасан дээр тэгшхэн ч бичиж чаддаггүй юм.

-Шивээсээрээ өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг юм байна. Дахиад шивээс хийлгэх үү?

-Тийм шүү. Надад сул зай зөндөө байгаа болохоор мэдээж дахиад шивээс хийлгэнэ. Энэ чинь нэг талаараа миний хобби болчихсон зүйл.

-Та ямар стиль, имижтэй хүн бэ?

-Айхтар стиль, имиж гэх нь хаашаа юм. Өөртөө таалагддаг хувцсаа л өмсдөг. Түүнээс хэт гангарахгүй. Урлагийн хүмүүсийг хараад байхад соёлтой гоё байдаг л даа. Тайзны ард нүүрээ будаад тоглолтынхоо хувцсыг сольж өмсөөд дуулж байгаа харагддаг юм. Би болохоор өглөө юу өмсөж гарсан тэр чигтээ л тайзан дээр гарчихдаг ш дээ.

-Эхнэр хүүхдийнхээ талаар яриач. Хэр сайн аав бэ?

-Манай эхнэр хараа зүйн судалгааны хүрээлэнд ажилладаг. Охин маань одоо дөрвөн настай. Цэцэрлэг нь амарчихсан гэрээ буулгаад л сууж байгаа даа. Ар гэрээ авч яваа учраас аавын нуруун дээр их олон ачаа бий. Энэ бүгдийг зохицуулахын тулд хичээгээд л явж байна. Санасан шигээ байнга гэр бүлдээ цаг гаргаж чадахгүй юм. Би бусад аавууд яаж хичээдэг түүнтэй адил оролдлоготой аав юм уу даа.

-Залуу хүний хувьд баримталдаг зарчим?

-Амьдралд маш их бэрхшээл бий. Тэр болгонд шантрахгүйг хичээж амьдарч байна. Би хүмүүс шиг теньтэй машины цаана суугаад амьдралаас тасарчихсан юм шиг яваад байдаггүй. Энгийн байхыг хичээдэг. Алхах үедээ алхана. Таксидахдаа таксидна. Хааяа автобусанд суух ч үе байдаг.

-Та ойрын үед тоглолт хийх үү?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Юуны төлөө” тоглолтоо хийчихсэн учраас ойрын үед хийхгүй болов уу. “Юуны төлөө” тоглолт маань миний хувьд 2010 оны “Монгол реппер” тоглолтоос илүү болсон гэж бодож байгаа. Одоо байгаа түвшингээ ахиулж байж тоглолт хийхгүй бол нэг төрлийн дуу сонсоод байх хүмүүст сонин биш шүү дээ. Магадгүй дөрвөн жилийн дараа л тоглолтынхоо талаар ярих байх.

-Арай удаан хугацаа биш үү?

-Тоглолт хийгээд мөнгө олдоггүй ш дээ. Миний хувьд өөрөө болон хүмүүст кайф өгөх гэж л тоглолт хийдэг.

-Хүсэл, мөрөөдлийнхөө талаар яриач?

-Би хүүхэд байхдаа сэтгүүлч болно гэж мөрөөддөг байсан. 2005 онд мөрөөдлөө биелүүлж мэргэжлээ эзэмшиж төгссөн. Би реп оролддог байхдаа намайг гэсэн 50 хүнтэй ч хамаагүй тоглолт хийх юмсан гэж боддог байсан ч дараа нь бүр хоёр мянган хүнтэй тоглолт хийж хүслээ биелүүлж байлаа. Хүний мөрөөдөл дуусах биш. Одоо надад олон мөрөөдөл байна.

-Та “Urban jeans”-тэй хамтран “GEEns”брэндийг хип хоп сонирхогчдод зориулан гаргаж байсан байх аа?

-Тийм өнгөрсөн жил гаргасан шүү дээ. Одоохондоо хийж амжихгүй, зогсчихсон байгаа.

-Саяхан фитнесс нээсэн гэсэн?

-Энэ оны нэгдүгээр сард өөрийн гэсэн фитнесс клубээ нээсэн. Би өөрөө спортоор хичээллэх дуртай. Донтдог гэх үү дээ. Гоё биетэй болох гээд байгаадаа биш. Өөрийгөө дайчилж түлхэх, шахах дуртай. Дээрээс нь намайг залуус харж байгаа шүү дээ. Би залуусыг бар руу биш заал руу татмаар байна.

-Ихэнх цагаа фитнессдээ өнгөрүүлдэг гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав өглөө 10-12 цагийн хооронд багийнхантайгаа бэлтгэлээ хийдэг. Ер нь долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл хийдэг юм байна. Манай фитнессийн багш нар дандаа мэргэжлийн хүмүүс. Багш нараа амарчихсан байхад нь хаяахан би өөрөө багшилчихдаг юм.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Чөлөөт цаг гарвал найз нөхөдтэйгөө ойр байхыг хичээдэг. Би өөрөө уудаггүй болохоор найзуудтайгаа “Playstation” их тоглодог.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-“Зангараг” киноны “Амьдралын шаардлага” дууг Эгшиглэнтэй дуулсан. Одоо мөн “Десант” хамтлагтай “Хам” гэдэг цомгон дээр ажиллаж байна. Наймдугаар сард цомгоо гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Хамтлаг дуучидтай түлхүү хамтарч ажиллаад байна уу?

-Би олон хүнтэй хамтраагүй. Хамтарч дуулахдаа их ажиглаж байж шийддэг. Тэр хүн мундаг авьяастай байх нь чухал биш. Үнэхээр сайн нөхөрлөх хүнтэй л би хамтаръя гэж боддог. Авьяас чадвараас нь илүү хүний чанарыг хардаг юм.

-Rapper Gee кино урлаг руу ороод байх шиг. Танд жүжиглэх ямар санагддагвэ?

-Хүмүүс санал тавиад таалагдвал тоглочихдог. “Алтан ус”, “Микроны босс” хоёр дээр гол дүрд тоглосон. Мөн “Долдугаар сарын 1”, “Зангараг” кинонд жижиг дүр бүтээх гэж оролдсон байгаа. Би жүжигчин биш учраас жүжиглэх хэцүү. Сургуулийг нь төгсөөд олон жил ажиллаж байгаа хүмүүс байхад би энд бардамнаж болохгүй л дээ. Өөрт оноогдсон дүрдээ хэрэндээ жүжиглэхийг оролдлоо, хичээлээ. Үзэгчид намайг дүрдээ орж уу, үгүй юу гэдгийг шүүх болохоос би энд болчихсон, тэр дүрд гоё тоглосон гээд байж болохгүй.

-Өсвөр насныхан хип хоп их сонсдог шүү дээ. Өөрөөс чинь зөвлөгөө авдаг уу?

-Сошиал ертөнцөөр их зөвлөгөө авдаг. Би чадахаараа л хариу өгдөг. Намайг сонсдог, дэмждэг хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Ер нь хүн юм хийхгүй байна гэдэг хэцүү. Эсрэгээрээ юм хийнэ гэдэг бүр хэцүү. Янз бүрээр хэлүүлж чичлүүлдэг юм билээ. Тэр болгонд босгож чиглүүлдэг зүйл бол намайг дэмждэг хүмүүсийн урмын үгс байдаг.

Categories
мэдээ цаг-үе

О.Цэнгэл: “Боолын гэрээ” киног үзээд аав минь “Охиноороо бахархаж байна” гэсэн

“Сайн уу амьдрал минь”, “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз” киногоор олны танил болсон жүжигчин О.Цэнгэлтэй ярилцлаа.

-“Эр хүн болгож өгөөч” кино энэ сарын эхээр нээлтээ хийснээс хойш үзэгчдийн дунд нэлээд өндөр үнэлгээтэй байгаа. Яагаад Наран гэх биеэ үнэлэгч бүсгүйн дүрд тоглохоор болов?

-“Эр хүн болгож өгөөч” зохиол Драмын театрын алтан фондонд орсон өндөр үнэлгээтэй, шилдэг жүжиг байсныг найруулагч Э.Батхүү ах маань кино болгож өнөө цагийн үзэгчдэд хүргэсэн. Би үзэгчийнхээ хувьд ийм сайн кино гарч байгаад баяртай байгаа. Анх киноны зохиолыг уншихад надад ирдэг жирийн нэг дүрүүдээс эрс өөр санагдсан. Нийгмийн эмзэг хэсэг рүү хандсан, тэр болгон хөндөгдөөд байдаггүй сэдвийг ил гаргаж ирэхийг хичээсэн байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүн эсвэл надад хэн ч байхгүй гэж гутарч явдаг хүмүүст урам зориг өгч, ирээдүйг нь илүү гэрэлтэй, итгэлтэй болгоход зорьсон сайн зохиол санагдсан. Би Францын алдартай “INTOUCHABLE” гэдэг киноганх үзээд яг л нэг сайхан залууд дурлаж байгаа юм шиг шунаж дурлаж билээ. Киногоо үзсэний дараа дахин дахин давтаж үзсэн. Тухайн үедээ ийм төрлийн кинонд тоглож үзэх юмсан гэсэн нууцхан хүсэл төрсөн юм. Ерөнхий өгүүлэмж, хэлэх гэсэн санааны хувьд “Эр хүн болгож өгөөч” кино маань нэлээд төстэй ч үйл явдал, ахуй, дүрүүдийн хувьд тэс өөр л дөө. Миний дуртай кинотой төстэй учраас ерөөсөө тоглоё, оролдоод үзье гэж шийдсэн. Би Нарангийнхаа дүрд их хайртай. Миний өмнө Нарангийн дүрд Өөдөө эгч болон олон сайхан уран бүтээлч бүсгүйчүүд Драмын театрын тайзнаа амилуулж тоглож байсан учраас надад алдах эрх байхгүй шүү дээ. Киноны багийнхан маань их туршлагатай хүмүүс байсан учраас их зүйл суралцсан.

-Өөрийг тань Монголын үндэсний олон нийтийн телевизэд “Цоглог” хөтөлбөрийн хөтлөгч байсныг хүмүүс андахгүй. Хэдэн настайдаа ажиллаж байв?

-Би анх зургаан настай байхдаа аав, ээжтэйгээ “Аав ээж би” гэдэг телевизийн нэвтрүүлэгт оролцож анх зурагтаар гарч үзсэн юм байна. Тэр хүүхдийн нэвтрүүлгийг хөтөлдөг байсан хүн нь миний багш, МҮОНТ-ийн найруулагч Л.Ариунжаргал байсныг хожим мэдсэн. Багш маань МҮОНТ-ийн “Хэцүү анги” олон ангит киноны ерөнхий найруулагчаар ажилласан хүн шүү дээ. Гуравдугаар ангид байхад манай хамаатны эгч Монгол телевизэд хөтлөгч хүүхдүүд шалгаруулж дугуйлан хичээллүүлэх гэж байгаа гэдгийг гэрийнхэнд маань хэлснээр очиж шалгуулаад тэнцсэн юм. Тухайн үед 1000 гаруй хүүхэд бүтэн гурав хоног шалгаруулалтад орж байлаа. Тэднээс 20 гаруй хүүхдийг хөтлөгч болгож бэлдэхээр тэнцүүлсэн байдаг. Би “Том халаас”, “Томруулдаг шил”, “Алим агентлаг” гээд хүүхдийн нэвтрүүлгүүдийг долоон жил буюу оюутан болтлоо хөтөлсөн. Миний хүүхэд нас телевизийн саарал байшинтай салшгүй холбоотой. Заримдаа телевизийн ярилцлага өгөхөөр МҮОНТ орох үед нэг л дотно, сайхан байдаг шүү. Тухайн үедээ бас нэвтрүүлэг хөтөлсний шагнал гээд нэг эфирээс 3250 төгрөг авдаг байсан. Сардаа 10 гаруй мянган төгрөгийн цалинтай, телевизийн догь ажилтан байлаа.

-Өөр мэргэжилтэй гэж сонссон. Яаж яваад жүжигчин болчихов. Хамгийн анхны дүрийнхээ талаар яриач. Найруулагч тань ямар дүрд сонгосон бэ?

-Хүүхэд насаа телевизийн эфиртэй холбочихсон хүн чинь анх сэтгүүлч болно гэж боддог байсан. Тэгээд МУИС-ийн Утга зохиол судлаачийн ангид орж билээ. Миний мэргэжил монгол хэл, соёл, зан заншил, аман зохиол гээд урлагтай салшгүй холбоотой л доо. Багаасаа л номоос салдаггүй, хаа тааралдсан газраа ном уншаад сууж байдаг байсан болохоор утга зохиол судлаачийн мэргэжил сонгосон юм. Нэг үгээр хэлбэл зохиолч, судлаач, багш, сэтгүүлч гээд олон тал руу хөрвөж ажиллах боломжтой мэргэжил. Нэгдүгээр курсэд суралцаж байхад найруулагч З.Батболд ах маань кинонд тоглох охидуудыг шалгаруулж байна, чи ирээд үзээч гэсэн. Шалгаруулалтад орж тэнцээд “Сайн уу амьдрал минь” киноны Сарнайгийн дүрд тоглохоор болсон. Тухайн үед жүжигчний мэргэжлийг гадна талаас нь шүтсэн л хүүхэд байсан болохоос дотор руу нь нухацтай өнгийж харж байсангүй л дээ. “GUYS” хамтлагийн Төгсөө ах “Сайн уу амьдрал минь” киноны нэгдүгээр хэсэг “Хаврын нэгэн учрал” бүлгийн жүжигчидтэй ажиллаж зааж зөвлөж байсан. Би эхэндээ загнуулна, уйлна, эрхэлнэ, аргадуулна гээд л Төгсөө ах, Болдоо ах хоёрынхоо тусламжтайгаар анх удаа “Сайн уу амьдрал минь” кинонд тоглосон юм. Энэ киноны нэг хэсэгт тоглох боломжийг олгосон ах нартаа их баярлаж явдаг. Киноны дүрийн тухайд Сарнай бол Эрдэнэтийн охин, оюутан болохоор ирсэн ч сургуульд орж чадалгүй явж байгаад санаандгүй тохиолдлоор Эрхэм гэдэг залуутай учирна. Тэрээр анхны хайрын сайн сайхныг мэдэрч, гэнэн цайлган зангаараа тэр хөвгүүний хайрыг татаж чадсан тийм нэг сэргэлэн охин байгаа юм.

-Та “Сайн уу амьдрал минь”, “Боолын гэрээ”,“Гоёлын даашинз” киногоор олны танил болсон байх. Эрс тэс өөр дүрүүд шүү дээ. Аль дүр чинь таны зан төрхтэй төстэй вэ?

-“Сайн уу амьдрал минь” кинонд тоглосны дараа найруулагч З.Батболд “Боолын гэрээ”-ний Соко, “Гоёлын даашинз”-ын Мойлоогийн дүрийг надад санал болгосон. Сокогийн хувьд өнчин, ахын хайраар л хань хийж яваа зүдрүүхэн амьдралтай ч гэгээн мөрөөдөлтэй хүүхэд. Нийгмийн дундах муу хүмүүсийн атгаг санаанаас болоод эмгэнэлтэйгээр золиос болж дуусч байгаа дүр байсан. Анх зохиол уншихад юу хийж, юунд тоглох гэж байгаагаа ч мэдэхгүй хөөрчихсөн би кинонд тоглоно гоё гэж бодож орсноос яг би ингэж жүжиглэх юм байна яанаа гэж бодоогүй. Яг кинонд тоглох хугацаандаа амиа хорлодог хэсэгт тоглоод, сонин жингүйдлийн идэвхигүй байдалд хэсэгтээ л орсон шүү. Эвгүй юм билээ. Кино театрт киногоо үзэхээрээ яг эгзэгтэй хэсгүүд дээр нүд, чихээ таглаж байгаад л үздэг байсан. Одоо ч бас жоохон эвгүйцдэг л юм.

“Гоёлын даашинз”-ын хувьд хөгжимт инээдмийн кино учраас гэгээлэг, хөнгөн кино байсан. Мойлоо бол өөрийн гэсэн үзэл бодолгүй, амьдралыг илүү хөнгөнөөр хардаг,өвөрмөц стилтэй, өөртөө итгэлтэй охин байсан. Сарнай, Соко, Мойлоо бүгдээрээ л өөр өөр хүмүүс ч гэсэн сэргэлэн, адтай гэдгээрээ л нийтлэг юм уу даа. Найруулагчид ер нь миний зан чанарын ерөнхий шугамыг “адтай” гэж хараад ихэвчлэн тийм сэргэлэн дүр л санал болгодог.

-Айлын хэд дэх хүүхэд вэ. Гэр бүлээ танилцуулаач. Багадаа хэр дүрсгүй хүүхэд байв?

-Би айлын дунд хүүхэд, ах, дүү хоёртой. Аав, ээж маань ажил хийгээд бусдын л адил амьдралаа залгуулж яваа энгийн л гэр бүл. Ээж маань намайг дүрсгүй гэхээсээ илүү хэрсүү хүний арга эвийг олдог адтай охин байсан гэж ярьдаг.

-Аав, ээж тань юу гэж захидаг вэ?

-“Аливаа юманд зөв шударга, чин сэтгэлээсээ бүхнийг хийж байгаарай, хүний нүдийг хуурна гэдэг нь бусдыг биш үнэндээ өөрийгөө л хуураад байна гэсэн үг шүү” гэж их хэлдэг юм.

-Фэйсбүүк, твиттерт хэр идэвхтэй вэ?

-Фэйсбүүкт бол нэлээд идэвхтэй байдаг. Твиттер ашигладаггүй.

-Найз залуу бий юу. Найз залуудаа ямар шалгуур тавьдаг вэ. Хайрыг юу гэж бодож байна?

-Одоогоор найз залуу байхгүй байна. Шалгуур гэхээс илүү бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, хөдөлмөрч, амьдралыг илүү эерэг талаас нь хардаг, ажил мэргэжил, гэр бүлийг маань хамгийн их ойлгож хүндэлдэг байгаасай гэж хүсдэг. Хүндлэл гэдэгт би итгэл, сэтгэл, хайр, халамж гээд бүх ойлголтыг л хамааруулж үздэг юм. Хайрын тухайд хүн энэ орчлонд хайрлаж, хайрлуулах гэж ирээд хайрлуулсаар байгаад буцдаг гэж боддог. Хайр хүнийг гэгээлэг, өөдрөг, тайван, аз жаргалтай болгодог цорын ганц зүйл байх.

-“Улаанбаатар-III” кино наадамд “Боолын гэрээ” кино дөрвөн номинациар шагнал авч байх үед О.Цэнгэл шилдэг эмэгтэй дүрд нэр дэвшсэн байдаг. Залуу хүний хувьд шилдэг эмэгтэй дүрийн номинацид нэр дэвших ямар байв. Нэлээд зоригтой алхам хийсэн юм шиг харагддаг?

-Би тухайн цаг үеийнхээ сор болсон бүтээлд оролцож, нийгэмд цочрол өгөхөөр дүрийг надад олгосон уран бүтээлчдэд илүү талархдаг. Хэрвээ тэр дүрийг зохиолч бичээгүй бол хүмүүс намайг жүжигчний түвшинд үнэлж, тоох байсан уу гэдэг эргэлзээтэй. Гэхдээ мэдээж би хичээхгүй “дүр эсгээд” өнгөрсөн бол Соког хүмүүс өнөөдрийг хүртэл дурсахгүй байсан. Энэ уран бүтээлд оролцоход хурцалж, шар хорыг минь сайн хөдөлгөж өгсөн Болдоо ахдаа баярлаж явдаг шүү. Залуу хүний хувьд 18 настайдаа “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналд гавьяат жүжигчин И.Одончимэг эгчтэйгээ цуг нэр дэвшинэ гэдэг маш том бахархал. Мөн маш том хариуцлага байсан. Миний мөрөөдөл тэрхэн агшинд биелэх шиг л болсон шүү.

-“Боолын гэрээ” киноны Сокогийн дүрийн эвгүй хэсгийг аав чинь дургүйцэж, хасуулна гэж байсан гэсэн. Тэр тухайд?

-Тухайн үед өөрийнхөө нялхаараа гэж бодож хайр­ладаг охин нь эмгэнэлтэйгээр амиа хорлож байхыг харах, мөн олон харчуулд доромжлуулж байхыг харах ямар ч эцэг эхэд таатай санагдахгүй шүү дээ. Хэдийгээр энэ нь кино байсан ч ээж, аав маань жинхэнэ юм шиг цочирдож хүлээж авсан. Гэхдээ би тодорхой хугацаанд хэлж тайлбарласны дараа гэрийнхэн маань ойлгосон. Киног үзсэний дараа аав минь “Охиноороо бахархаж байна” гэж хэлж билээ.

-О.Дөлгөөн, А.Ганчимэг гээд өөрийн чинь үеийн жүжигчид хэр чадварлаг байна. Өөртэйгөө жишиж байв уу?

-О.Дөлгөөнтэй би “Хамтран амьдрагч” кинонд эгч дүүс болж тоглосон. Манай Дөлгөөн мэргэжлийн уран бүтээлчийн нэр хүндийг өндөрт өргөж яваа залуу уран бүтээлч шүү дээ. Сайхан бүсгүй, сайн ээж гэж хүндэлдэг. Ганчимэгтэй би олон жилийн өмнө нэг арга хэмжээн дээр тааралдаж байсан. Тухайн үед бид хоёр хоёулаа кинонд ид тоглож байсан юм. Ганаа драмын театрын жүжигчин байсан үе. Тэр үед хамтдаа нэг ширээнд сууж, хооллож, ярилцаж сайхан танилцаж байсан. Харин одоо бие дааж уран бүтээл хийгээд зогсохгүй, зохиолоо өөрөө бичиж тоглож байхыг нь харахад бахархах, хурцлагдах сэтгэл төрдөг. Учир нь залуу бүсгүйчүүдийн төлөөлөл маань амжилттай явбал тэднийг дагах үзэгчид охид бүсгүйчүүд, уран бүтээлчид ч мөн дагаад дэвшиж байдаг гэж би боддог. Найз нөхдийг ч бас өөрөөсөө ямар нэг зүйлээрээ илүү хүнийг сонгож нөхөрлөх хэрэгтэй гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Би түүнтэй санал нийлдэг. Хэрвээ надаас ялгаагүй эсвэл доор байвал суралцах, өрсөлдөх, илүү байхыг хүсэх эрмэлзэл үгүй болж өөрөө өөртөө бардсаар яваад нэг л мэдэхэд хэн ч биш болсон байна гэсэн үг гэж боддог.

-Нэлээд хэдэн жил кинонд тоглохгүй завсарласан. Тэр хугацаанд юу хийв?

-Ар гэрийн амьдрал, хувь хүнийхээ төлөвшилд илүү анхаарал хандуулсан даа. Сайн эзэгтэй байх гэж, ирээдүйд сайн ээж болоход бас эмэгтэй хүн тодорхой хугацаанд анхаарал хандуулж, бэлдэж, өөрийгөө сонсож, дүгнэлт хийх хэрэгтэй байдаг юм билээ.

-Одоогоор хэдэн кинонд тоглоод байгаа вэ. Голдуу ямар дүрийн санал ирж байна?

-Одоогоор таван кинонд тоглоод байна. Би мэргэжлийн хүн биш учраас ирсэн зохиол санал, дүр бүрийг хүлээж авахыг хүсдэггүй. Илүү болгоомжтой, няхуур байж, зөв кинонд сайн багтай ажиллахыг илүүд үздэг. Учир нь кино бол багийн бүтээл. Тиймээс баг чин сэтгэлээсээ нэг хүсэл эрмэлзлээр нэгдэж байж тэр киног хэр олон үзэгч үзэх вэ гэдэг нь харагддаг. Олон үзэгч үзнэ гэдэг нь олон хүний сэтгэлгээнд оч, гэрэл асаах эсвэл олон хүнд нэгийг бодогдуулах тэр зорилго биелэгдэнэ гэсэн үг. Тиймээс тооны араас хөөцөлдөхгүйгээр илүү нухацтайгаар хандаж одоогоор ямар нэг уран бүтээл дээр ажиллахгүйгээр өөр зүйлд цагаа зарцуулж байна.

-Тоглохыг хүсдэг дүр бий юу?

-Түүхэн дүрд ажиллах юмсан гэсэн хүсэл уран бүтээлч хүн бүрийн дотор байдаг байх.

-Хүсэл мөрөөдлийнхөө талаар яриач. Таныхаар мөрөөдөл биелдэг үү?

-Хэрвээ хүсэл мөрөөдөл байхгүй бол харанхуйд тэмтчээд зүгээ олохгүй будилж яахаа мэдэхгүй яваатай ижил. Харин хүсэл мөрөөдөлтэй амьдарна гэдэг харанхуйд лаа бариад хонгилын үзүүрийг хараад хаа хүрэхээ тодорхой мэдэхгүй ч ойрын зайнд бүдрээд уначихгүйгээр алхаж байгаатай ялгаагүй. Тэр сайхан хүслийг зөвхөн мөрөөдөхдөө биш түүн рүүгээ зорьж, шийдэж, ямх ямхаар ч хамаагүй биелүүлж яваа тэр хүний л хүсэл мөрөөдөл биелдэг шүү дээ. Мөрөөдөл биелдэг гэхдээ зорьсон шиг зорьж, алхам хийсэн цагт л биелдэг гэж би боддог. Надад ч бас хүсэл мөрөөдөл бий, гэхдээ би болоогүй, бүтээгүй, бэлэн биш зүйлийн тухай ярихыг огт хүсдэггүй, магадгүй тэр маань бүтэхгүй болчихвол бусдад худлаа амлаж мэдэмхийрсэн болно шүү дээ.

-Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар яриач?

-Хамгийн сүүлд ажилласан уран бүтээл маань “Эр хүн болгож өгөөч” нэртэйгээр бүх кино театруудаар гарч байгаа. Уншигчийн үүднээс зохиол маань маш сонирхолтой, амьдралд ойр, эерэг санаа олныг өгүүлсэн, инээдмийн, хөгжилтэй гэхдээ бас уянгын сайхан хайрын тухай өгүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүгийнхээ төлөө бүхнээ зориулж байгаа эцэг эхийн тухай. Сайн зохиолыг сайн кино болгож чадсан уу гэдгийг үзэгчид маань үнэлнэ. Учир нь олон хүн үзэх тусам төдий чинээ эерэг үйлдэл, хандлагууд нийгэмд харагдана. Урлагийн хамгийн чухал зүйл нь та тэр уран бүтээлээс өөрийгөө, найзыгаа харж болно. Магадгүй хэзээ ч мэдэхгүй тийм нэг ертөнцтэй таныг уулзуулдгаараа агуу байдаг байх.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Тод манлай уяач Д.Ононгийн “Түмний эх” галаас сурвалжиллаа

Зуны эхэн сарын цагаан нохой өдөр манай сурвалжлах хэсэг Төв аймгийн Баянцагаан сумын нутаг “Довын адаг”-ийг зорилоо. Морьдоо давхиулж бай гэсэн юм шиг талбиун сайхан нутаг юм. Энэ нутагт Д.Онон манлайнх өнөө жилийн наадмаар давхиулах морьдоо сойж байгаа юм. Замд бороо ганц нэг дусаад, зам хөндлөн адуу хөөсөн залуу орж ирээд, аараг толгодын дундаас адуу янцгаах нь аялгуу лимбэдэх шиг, аав минь айргийнхаа сөнгийн дэргэд налайж суух шиг тийм сайхныг Баянцагааны буурал талд мэдрэгдэнэ. Адуутай, хөдөөтэй өвгөдийн удам болох бидний цөөхөн монголчууд руу “Та монгол хүн шүү” гэдгийг маань ганц мэдрүүлдэг монгол наадам болох өдөр ирж явна.

“Наадмын өмнөхөн

Нар манхайсан Бөхөгийн голоо өгсөж нэг үзлээ

Уяа морьдын сувдан хөлс нугын цэцгэнд шүүдэрлэж

Уулсын цэнхэр бэлээс айраг адуу үнэртэнэ

Тэнгэрийн заадасны үзүүр баримжаанаас их сунгаа эргэж

Тээгийн арын толион дээр хөөстэй амгай татна” гэсэн Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлгийн мөрүүд аманд өөрийн эрхгүй орж ирж байна. Наадам болоход нэг сар л үлдсэн юм байна шүү дээ. Д.Онон манлайн уяа харагдах алдад гурван гэрийн гадаа адуу багширч, уртын урт суналзтал татсан уяа шузаг эгнэж харагдав. Морьдынх нь хүүхдүүд бололтой жаахан бор юмнууд эмээлээ тэврэн таахалзан алхацгаана. Угаасаа хурдан морины хүүхдүүд хар багаасаа хэрсүүжсэн, биеэ тоомрууд байдаг юм. Уяаны дэргэд очиж, амар мэндээ мэдээд удаагүй байгаа над руу хөхөл сүүлийг нь боосон сайхан хээр азарга унасан жаахан хүү “Алив эгч тэр ташуур аваад өг” хэмээн зарлаа. Тэр мөн том байнаа, би ч дуулгавартайяа зарагдаж газар хэвтсэн ташуурыг нь авч өгвөл “Өшиглүүлчихэв, холхон байгаарай” гэж өнөө биеэ тоомор чинь бас загнах аятай байна. Түрүү жил зээрд соёолонгоо улсад аман хүзүүдүүлсэн Д.Онон гуайн ач хүү мөн дөө гэж багцааллаа. Тэр ерөөсөө тийм нэг пээдгэр нөхөр байгаа юм. Гэхдээ биш ч байж магадгүй.

Ийнхүү биднийг очсон даруй “Түмний эх” галынхны хурдан морьдоо ёслох зан үйлийн ажил эхэллээ. Тэдний уяан дээр нас насны нийлсэн 70 гаруй адуу байна. Паалайсан сайхан монгол адуунууд ч байна. Тогоруу угшилтай болов уу, ерөнхийдөө цус орсон болов уу гэмээр зэгзгэрдүү, босоо ястай үрээнүүд ч харагдана. Юу гарцаагүй үнэн гэвэл энэ цаг үеийн их уяач Дамбадаржаагийн Ононгийн энэ уяан дээрээс энэ жилийн наадмын морьдын өнгө тодорхойлогдох нь үнэн юм. Өнгөрсөн жил гэхэд улсын наадмын хоёр түрүү, дөрвөн айраг энэ уяанаас тодорсон юм. Шинэ ногооноор уяа морьдынхоо хорыг гаргаад, бүрэн онгойлгоод авчээ. Одоо наадмын нарийн уяа руугаа орох гэнэ. Заримыг нь зөөлөн хөдөлгөөд, тарлаад, дундын сунгаа ч хийгээд эхэлсэн бололтой. Цаг нэг мөр тавираад, толгод нов ногоон болох ойрын өдрүүдэд холын давхил хийгээд ямар ч амьсгаагүй болгох тухай тэнд байгаа уяачид ярьж байна. Үүний дараа үзүүрийн цуцаа арилгах том ажилдаа орох гэнэ.Тэр нь юу гэхээр бага адуунууд бариан дээр дав­хиж ирээд нам суудгийг л арилгана гэсэн үг аж. Үүний арилгадаг арга нь өдөр бүр ойр хавийнхаа уул толгод өөд тар хийх. Энэ мэтээр хурдан мориныхоо уяа заслын талаар ярих тэдний үгс их аж. Монгол Улсын тод манлай уяач Д.Онон зуны тэргүүн цагаагчин могой сарын гурван хөх мэнгэтэй цагаан нохой өдөр морьдоо ёсоллоо хэмээн ярьж байна. Тэднийх жил бүрийн нохой өдрийг сонгож морьдоо ёсолдог уламжлалтай юм байна. Морь барьж ёслоход морьтой ивээл жил буюу но­­хой, гахай, бар өдрийг сон­го­дог ёс жаягтай ажээ. Морьдоо ногоолж ханаад Эр­дэнэ сум руу нутаг сэлгэх гэнэ. Тэдний галтай саахалт “МАКС”-ын Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэдийн гал, өн­гөрсөн жилийн улсын наадмын их насны түрүү Амарбат болон уяач Мөнхбат нарынх айлсжээ. Тэд морьдынхоо ажлыг хийж байгаа ч ёсолгоогоо дараагийн сайн өдөр хийхээр төлөвлөсөн сурагтай.

Д.Онон манлайн туслах уяачид морьдоо барилж, хө­хөл сүүлийг нь боож, арц хүжээр ариулж, уяа тойруулан хийморийг нь сэргээж байх зуурт гэрийн эзэгтэй М.Мөнгөнцэцэг хоёр бэр, тус­лах уяачдын эхнэрийнхээ хамт гэрт хоол цай, идээ будаа бэлтгэж харагдана. М.Мөнгөнцэцэг “Энд ирээд хугацаа алдаж байхаар гээд эгч нь өчигдөр шөнө Өлзийтөд хоёр бэртэйгээ салат хийгээд ирсэн. Одоо мах чанаад, бууз хийхэд л болно” гээд том тавагныхаа идээ будааг засч эхлэв. Ийнхүү борви бо­хис хийлгүй арын ажлыг ам­жуулах зууртаа “Онон уяа эхэлчихээр гэртээ орж ирнэ гэж байхгүй. Уяан дээрээ л өнждөг юм, морьдынхоо дэргэд амьдарчихдаг хүн шүү дээ” гээд инээх. Тогоонд мах үйж, бууз чимхэх зуур эр­чүүд морьдоо барьж дуус­чээ. Энэ үеэр Д.Онон ман­лайн бага хүү О.Батболд Төв аймгийн Баянбараатаас хоёр лам залж ирэв. Лам нар “Түмний эх” галын морьд, унаач хүүхдүүдийг даатгаж ном уншлаа. Морь, хүүхэд хоёр мэнд сайхан уралдахын зам мөрийг ингэж тэгшилдэг байна.

Д.Онон манлай гурван хүүхэдтэй бөгөөд хоёр хүү нь хоёулаа уяач болжээ. Түүний том хүү О.Батбилэг энэ жил аавыгаа баярлуулж, сайн уяач гэдгээ баталж “Монгол Улсын манлай уяач” цол хүр­­тээд байгаа билээ. Онон манлай уяагаа тойрч алхангаа хүүхдүүддээ зааж зөвлөнө. Д.Онон манлайн дэргэд уяаны эр­­дэмд нь суралцан хоёр хүү нь, цаана нь моринд сэтгэлээ өгсөн гурван сайхан залуу байдаг ажээ. Тэд Сүхбаатар, Булган, Төв аймгийн Аргалант сумаас өөрсдийн морийг аваад иржээ. Онон манлай “Юм суръя гээд ирж байгаа хүүхдүүдийг хэн цааш гэхэв, чад­лынхаа хэрдээ л илүү үглэдэг юм” гэж сууна. “Түмний эх” гал таван унаач хүүхэдтэй бө­гөөд гурав нь түүний ач нар. Үлдсэн хоёр нь Д.Онон манлайн цэргийн найзуудын ач, зээ нар нь гэнэ. Тод ман­лай уяач маань “Хүүхдүүд монгол ахуйтайгаа ойр өсөх хэрэгтэй. Хоёр хүү минь ч морь унаж өссөн хүмүүс. Манай найзууд хүүхдүүдээ юм сураг гээд аваад ирдэг юм. Зөв л дөө” гэлээ. Морины хүүхдүүд уяа заслын ажлаа дуусгаад гэрт гүйлдэн орж ирлээ. М.Мөнгөнцэцэг эгч “За та нар мордохоосоо өмнө бушуухан салат ч болсон идээд ав. Ирэхэд чинь сайхан бууз болчихсон байна” гээд хүүхдүүдийг идэх юмаар баа­хан шахлаа. “Морины хүүх­дийг өлсгөж болдоггүй юм. Шөнө нь сайхан амрааж байх хэрэгтэй. Хүний өөрийн энэ олон нялх амьтдыг чинь хоол ундаар бялхуулж, гараа руу хөдлөхөд нь мэддэг хэдэн мааниа л уншиж сууна шүү дээ эгч нь. За тэгээд түрүүлж айрагдах нь яахав, барианы зурхай руу мэнд сайхан ороод ирэхээр нь сая нэг санаа амраад хоол цайг нь бэл­дэнэ дээ” хэмээн ярилаа.Бид хоёрын яриаг анзаарч бай­гаа юм ч алга, хоорондоо хөг­жилтэй инээлдэн бие биеэ харж хурдан идэж аваад гарч гүйлээ.

Морь цаг болж ёслол эхлэх үед уяан дээр ширээ засч бүгд цугларчээ. Лам нар арц уугиулж нэг аяганд архи, нэг аяганд сүү хийж тавилаа. Лам нар “Түмний эх” галын хурдыг хангай дэлхийд даатгаж номоо ун­шиж эхэллээ. Уяаны дэргэд ширээ тойрч суусан хүмүүс бүгд сүслэн залбирна. Номоо уншиж дууссаны дараа аяганд хийсэн архи, сүүг Д.Онон гуай хангай дэлхийдээ өргөлөө. Бас идээ будааныхаа дээжийг өргөв.Том хүү, манлай уяач О.Батбилэг уяагаа ариуллаа. Үүний дараа хүүхдүүд сүү амсаад мориндоо мордон уяагаа тойрон морины тарни уншиж гийнгоолж эхлэв. Уяагаа тойрон гийнгоолох хүүхдийн дуу морьдын сэт­гэлийг сэргээнэ.

Монгол Улсын тод манлай уяач Д.Онон “Өөрийнхөө хүүх­дээр морио унуулаад унаган адуу түрүүлж ирэхэд их сайхан байдаг юм. Анх 1989 оны улсын наадмаар зээрд халзан морио долоон настай хүүгээрээ унуулаад айрагдуулж байлаа. Тэр үе их сайхан санагдаж байсан. Тэр халзан морины эхийг нь би 20 настай байхад нь 10-аад адуугаар авсан юм. Надад нэлээд хурд өгсөн дөө. Үр төлөөс нь одоо энэ уяан дээр ч бий. Уясан морьд маань заавал айрагдаж, түрүүлэх нь гол биш. Төрийнхөө наа­дамд тоосыг нь өргүүлж тү­­мэн олонтойгоо сайхан наад­чихвал болно доо. Уяач бид чинь түмэн олноо наадуулах үүрэгтэй хүмүүс” гэв. Манлайн адууны угшил Төв аймгийн Сэргэлэн сумынх аж. Тэрээр “Ер нь адууны угшил гэдэг ганцхан хүнээс хамаарахгүй олон хүний хөдөлмөр. Адуу чинь азаргаар биш гүүгээр сайжирдаг юм. Уг муутын тугал муу гэдэг шиг хамгийн чухал нь эх. Эхийнх нь удмыг сайн мэдэж байх ёстой. Удмыг нь мэдэж байж л адуугаа үржүүлж адуу сэргэдэг юм. Би морин тойруулгаас их морь авсан даа. Одоо гайгүй байгаа нь тойруулга цус ор­сон адуунууд маань их дав­хиад байгаа” гэж хуучлав. Тэр­бээр “Хамар цагаан адуу буян хишиг далладаг. Манай уяанд хамар цагаан адуу гараад байдаг юм” гээд уяан дээр зогсох морь луу ширтэв. Онон манлай гийнгоолж яваа хүүхдүүд рүү хараад “Миний хүүхдүүд жаахан зайтай явцгаа. Азарганууд чинь нэг­нийгээ өшиглөнө” хэмээн сэрэмжлүүлэв.

Энэ бүх ёс заншил, дэг жаягийн дараа бүгд гэрт цу­гла­лаа. Гэрийн эзэгтэй М.Мөн­гөнцэцэг хүүхдүүдэд бэлэг тарааж өгөв. Хүүхдүүд бэлгээ уудалцгаана. Тэдний уяан дээр морины хүүхдүүд, ач, зээ нар нь гээд олон жаахан амьтад байна. Тэд ирээдүйд энэ их уяаг авч явах эзэд. Энэ их уяачийн уяаны эрдмийг өвлөн авах хүмүүс. Ирээдүйн монгол наадмын дэвжээг чи­мэх эрчүүд. Д.Онон манлай ач, зээ нараа эрхлүүлж өвөр дээрээ суулган жаргалтай суух зууртаа, “Манай энэ хэд бүгд суурин хүмүүс болчихвол миний насаараа хийсэн хөдөлмөр талаар өн­гөрнө шүү дээ. Би нэг хүүгээ малынхаа эзэн болгоно гэж бодож байгаа. Би долдугаар ангиасаа мал дээр гарсан ч буруудсан юм алга л байна. Энэ ер нь малын дүйтэй хүн байгаа юм“ гэж зээрд унасан жаахан хүү рүү заалаа. Түүнийг Амартүвшин гэдэг бөгөөд тэрээр таван настай гэнэ. Д.Онон манлай “Би энэ хүүгээ найман настайд нь сургуульд оруулъя гэж бодоод бай­гаа юм. Ер нь монгол ахуйд нь ойр л байлгана” гэж инээгээд “Сайхан адуу дагаж сайхан сэтгэл явж байдаг юм. Энэ довон дээр халхын олон ч сайхан алдартай уяач өвгөдийн үг сургаал сонсож морь уяж ирлээ. Тэдгээр их өвгөд ”Морь уяж байгаа хүн атаа жөтөөнөөс хол байж л өөрт нь муу зүйл ирдэггүй юм” гэж ярьдаг байлаа. Тэд бас нэг голынх нь морь гайгүй давхиж байвал өөрийнх юм шиг баярладаг байсан юм. Өвгөдийнхөө энэхүү өндөр ёс заншил, зан чанарыг ирээдүй хойч нь дагаж явах ёстой юм” гэж ярив. Уламжлал, ёс заншил дотор маань л ухаан, зөв явах сургаал ор­шин байдаг гэдгийг хурдан морьдын торгон хийморьийн­хүү мэдрүүлэх шиг.

С.АРИУНЖАРГАЛ

ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Автобус баазынхан ажил хаяж, нийслэлийнхэнд чирэгдэл учруулав

Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн онд Автобус I, III болон Цахилгаан тээвэр нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг нэгтгэн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг байгуулсан билээ. Өчигдөр зорчигч тээврийн нэгтгэлийн ажилчид ажил хаялаа. Тус компанийн удирдлага болон цагдаагийн байгууллагын зүгээс нийслэлийн 1.2 сая зорчигчийн эрх ашгийг хязгаарлахгүйн тулд тодорхой арга хэмжээ авч ажилласан юм. “Автобус 1”-ийн 120 авто­бус үйлчилгээнд гарах ёстойгоос 30 нь энэ өдөр ажиллалаа.Харин “Автобус-2”-ын ажилчдын тавин хувь нь ажилдаа гарав. “Автобус-3”-аас дөрвөн автобус үйл­чилгээнд гарсан. Эдгээр баазууд нийслэлийн 31 чиг­лэлд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг юм байна. Өглөө ажилдаа явахаар гэрээсээ гарсаниргэднийлж таксидаж байгаа дүр төрхийг энэ өдөр хаанаас ч харж болохоор байв.

Автобусны жолооч, кондук­торууд ажил хаях бол­сон шалтгааныг нь сонирх­лоо. Тэд авто тээврийн салбарт дагаж мөрдөж буй тарифын хэлэлцээрийг өөрчлөх ёстой хэмээн үзэж байгаа аж. Тодруулбал, Зам тээврийн яам, Монголын Авто­тээвэрчдийн нэгдсэн хол­боо /МАТНХ/, ҮЭ-ийн байгууллагуудын хооронд Авто тээврийн салбарт дагаж мөрдөгдөх хамтын, тарифын хэлэлцээрийг 2013 оны зурга­дугаар сард байгуулжээ. Хэлэл­цээрийг одоо дүгнэж, цаашид энэ хэвээр байх уу, үгүй юу гэдгийг шийдэх талаар ярилцах хүсэлтийг удаа дараа тавьсан ч хүсэл­тийг хүлээж аваагүй, холбогдох байгууллагын албан тушаалтнууд нь хариу өгөөгүй учраас ийнхүү ажил хаялт зарлаж байгаа аж.

Ажил хаялтад 1600 гаруй ажилтан оролцож байна.Тэд кондукторын нэг цагийн цалинг 4000, жолоочийнхыг 5500 төгрөг болгох буюу тарифаар цалин бодох шаардлага тавьж байгаа юм. Жолооч, кондукторууд тэдний шаардлагыг хүлээн авч хоёр тал тохиролцож чадвал ажилдаа гарна гэцгээж байлаа. Нийтийн тээврийнхэн өмнө нь ажил хаях үед олон нийт, ард иргэдийн төлөө ажлаа хийж байсан бол энэ удаа асуудлыг бүрэн шийдтэл ажилдаа гарахгүй гэж байв. Цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан ажилтнууд автобусны дугуйн дор орж хэвтэн, эсэргүүцэл илэрхийлж автобусаа үйлчилгээнд гаргахгүй гэж тэмцсэнээс ажилтнууд болон цагдаа нарын хооронд багагүй үймээн үүссэн юм. Биднийг хуучнаар “Автобус 1” дээр очиход ажилчид автобус гардаг хаалган дээр сууж эсэргүүцлээ илэрхийлж байв. Тэдний хүссэнээр цалинг нь тогтоовол ердөө нэг сарынх нь цалинг өгөх мөнгө байгаа гэсэн тайлбарыг автобусны компаниудын удирдлагууд онцолж байлаа.

Хийсэн ажлаа үнэн бодитоор үнэлүүлмээр байна

Биднийг “Автобус 1”-ийн хашаанд ороход ажилчид нь энд тэнд бөөгнөрөн зогсож байв. Тэд “Бид хөдөлмөрөө шударгаар үнэлүүлмээр байна”, “Улсаас тогтоосон тарифт цалинг өгөхийг шаардан ажил хаялт зарласан шүү дээ” хэмээж байв.

Энэ үеэр ажил хаялтад оролцож байгаа кондуктор Б.Баярмаатай ярилцлаа.

-Та гар дээрээ хэдэн төгрөгийн цалин авч байна?

-Төлөвлөгөөт цаг буюу 170 цагаа хийвэл350 мянган төгрөгийн үндсэн цалин авна. 170 цагтаа хүрэхгүй бол цалингаа суутгуулаад бүрэн авч чаддаггүй. Биднийг хүмүүс сард сая төгрөгийн цалин авдаг гэж яриад байдаг ч бодит байдал дээр энэ нь худлаа. Энэ худлаа мэдээллээс болоод гэр бүл салах дээрээ ч тулж байна. Манай ажилчдын эхнэр, нөхөр нь чи сая гаргаж авдаг байж яагаад 200 мянган төгрөг авчирч өгч байгаа юм бэ гэж хардахасуудал хүртэл үүсч байна шүү дээ. Удирдлагуудын гаргасан төлөвлөгөөнд хүрэхийн тулд бид нормдоо хүрээгүй мөнгөө өөрсдийнхөө ээмэг, бөгжийг хүртэл ломбарданд тавьж байж хүргэдэг.

-Та нарын зүгээс ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Тарифт цалин буюу нэг цагийг кондуктор 4000 төгрөг, жолооч 5500 төгрөгөөр цалингаа бодуулмаар байна. Энэ бол улсаас тогтоосон тариф шүү дээ. Бас удирдлагуудаа татан буулгахыг шаардаж байна. Удирдлагын зүгээс биднийг байнга норм үүргээ биелүүлсэнгүй гэж дарамталж цалинг минь бүтэн олгосонгүй удлаа. Норм гаргасных нь дагуу дутсан мөнгийг ньээмэг, бөгжөө ломбарданд тавиад өгчихөөр дараа сарднормоо дахиад нэмчихдэг. Тэгээд шинэ нормд хүрэхгүй болохоор цалин хасчихна. Бид хөдөлмөрөө шударгаар үнэлүүлмээр байна шүү дээ. Ц.Одонтунгалаг болон тэднийг тойрон хүрээлэгчид болохоор өглөө ирээд л хийсэн ажилгүй тоглоом тоглоод суучихдаг. Тэгсэн хэрнээ биднээс илүү цалин авч байна. Гэтэл нэгтгэлийн бүх мөнгийг олж байгаа бид цалингаа авч чадахгүй байна.

Бид “Автобус 1”-ээс гараад “Автобус 3” компани дээр очиход бүх ажилчид нь суулт зарласан байлаа.“Автобус 3”-ын кондуктор Б.Долгор “Автобус 1”, “Автобус 3” цахилгаан тээвэр нэгдээд хуулийн дагуу ажил хаяж байна. Нэгдлийн захиргааны уян хатан байдал байхгүйгээс болж ямар ч шалтгаангүйгээр гурав, дөрвөн кондуктор ажлаас халагдсан. Хамгийн гол шалтгаан ньцалин хасагдсанаас болж бид ажлаа хаяж байна. Тэмцлийн үр дүн нааштай болох байх гэж найдаж байгаа. Нэгдэл болохоос өмнө 800 мянгааснэг сая хүртэл төгрөгийнцалин авдаг байсан. Одоо бодит амьдрал дээр 150 мянган төгрөг л авч байна. Үүнийг тайван байдлаар шийдүүлэх гэж зөндөө бичиг хүргүүлсэн. Бид бүгдээрээ л цалингийн зээлтэй байгаа. Зээлээ төлж чадахгүй байгаа учраас хувь хүнээс 10-20 хувийн хүүтэй мөнгө зээлж амьдарч байна. Биднийг ийм туйлдалд хүргэсэн учраас ажлаа хаяж байна” хэмээв.

Тарифынхэлэлцээрийг дагаж мөрдөх эсэхийг нийслэлийн удирдлагууд шийднэ гэв

Зорчигч тээврийн нэгтгэлийн гүйцэтгэх захирал Ц.Одонтунгалагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай ажилчид цалингаа нэмэгдүүлэх гэж ажлаа хаячихаад байна. Та бүхэн үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Энэ удаагийн ажил хаялтын гол шалтгаан бол тарифт цалин олгох тухай яригдаж байгаа. Үүнд нэг цагийн жолоочийн 5000 төгрөг, кондукторын 4000 төгрөгөөр тооцно гэсэн байдаг. Шагналт цалин нэмэгдэнэ гээд бодохоор одоогийн авч байгаа цалингаас нэг дахин илүү цалин гарна гэсэн үг. Өнөөдөр шатахуун болон нийгмийн даатгалд өртэй байгаа компани үүнийг даахгүй гэдгийг Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлөөс ирсэн эдийн засагч, санхүүгийн хүн тооцсон байгаа. Энэ асуудлын хүрээнд 2013 онд Засгийн газар, яам, Нийслэл, ажил олгогчдын холбоо, Том оврын автобусны холбоод нэгдэн хэлэлцээр байгуулсан шүү дээ. 2013 онд байгуулсан тэр хэлэлцээрт нийслэлийг төлөөлж Нийслэлийн тээврийн газрын дарга Энх-Од орсон. Энэ тарифын хэлэлцээрийг байгуулсан талууд өнөөдөр тарифт цалин олгохын тулд үүргээ биелүүлж ажиллах ёстой. Гэтэл нийслэлийн хэмжээнд тарифт цалин өгч ажиллуул гэсэн чиг үүргийг бидний дээд байгууллага буюу Нийслэлийн санхүү эрхэлсэн орлогч дарга, Засаг даргаас ирээгүй байна. Манайх нийслэлийн өмчит үйлдвэрийн газар учраас төсөв захиран зарцуулах хэмжээ хязгаарыг нийслэлээс зааж өгдөг. Мөн үйл ажиллагааг гэрээгээр зааж өгдөг учраас бид тэр хүрээнд л ажиллана. Тарифт цалинг хэрэгжүүлэх эцсийн шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн санхүү эрхэлсэн орлогч дарга Н.Батаа нар гаргана.

-Жолооч, кондукторын үндсэн цалин, шагналт цалин нь хэдэн төгрөг байдаг вэ?

-Жолооч нарт сард нэг сая 170 мянга, кондукторуудад 700 орчим мянган төгрөгийн дундаж цалин өгч байгаа.

-Ажилчид одоо авч байгаа цалингаас тарифын цалинд шилжин ажиллавал хэдэн төгрөг шаардагдах бол?

-Манай нэгтгэлийн тооцсоноор тарифт цалин олговол одоо авч байгаа цалингаас буурч байгаа. Үйлдвэрчний эвлэлийн тооцсоноор одоо авч байгаагаасаа маш өндөр буюу нийт таван тэрбум төгрөг нэмж хэрэглэх шаардлагатай. Энэ бол боломжгүй. Өнгөрсөн хугацаанд Үйлдвэрчний эвлэлээс гаргасан үндсэн цалинг 25 хувиар нэмэгдүүлээч гэсэн саналыг бид хүлээн авч нэмэгдүүлсэн шүү дээ.Өдөрт 170 цагаар бодохоор 5000 гэдэг тоо850 мянган төгрөг болж өсч байгаа. Тэрнээс нийгмийн даатгалбодохоор 650 мянган төгрөг өгнө гэж үзэж байгаа. Гэтэл манайх өрөө өөрсдийгөө санхүүжүүлдэг аж ахуйн, нэгж.Тодорхой төлөвлөгөө өгч,тэрэнд нь хүрсний эцэст лажилчдын цалингаа өгч, бензин шатахуунаас эхлээд бусад зардлаа зохицуулдаг. Энэ тарифын цалингаар боладилхан найман цаг ажиллаж байгаа хүмүүсийн нэг нь 100 мянган төгрөг, нөгөө нь нэг сая төгрөг хийсэн ялгаагүй850 мянган төгрөг авна гэсэн үг. Энэ чинь өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг байгууллагын механизм биш. Орлого олж байж зарлагаа нөхдөг компанид тогтмол цалин гэж байх ёсгүй.

-Нийтийн тээврийнхэн ажил хаяснаар нийслэлчүүдийн эрхашиг хөндөгдөж байна. Үүнд хэн хариуцлага хүлээх юм бэ?

-Хөдөлмөрийн хуулиар ажил хаях асуудлыг зохицуулсан байдаг. Улсын онцгой салбарууд буюу дулааны цахилгаан станц, нийтийн тээвэр гэсэн обьектуудад ажил хаялт хийхийг хориглоно гэсэн заалт байдаг. Гэхдээ ажил хаялтын хувьд шаардлага нь тодорхой байх ёстой. Энэ удаагийн ажил хаялтыг манай байгууллагаас зохион байгуулаагүй. Манай байгууллагын ажилчид дэмжиж оролцож байгаа. Ажил хаялт хийхээр хамтын маргаан үүсгэсэн тал маань Газрын тосны үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл. Энэ байгууллага маргааныхаа хэрэгжилтэд дэмжлэг авахын тулд харьяа салбар автобус баазуудыг үүнд оролцуулж байгаа. Асуудлыг шийдэх олон гарц байхад ажил хаяж шийдэж байгаа нь нэг талаас шантаажилсан байдал харагдаж байна. Өмнө нь манайх гурав хоног ажил хаясан. Тухайн үед ямар ч шийдвэр гараагүй. Манай байгууллага 300-аад сая төгрөгийн хохирол амсаад өнгөрсөн. Тэр төлбөрийг хэн ч төлөөгүй.

-Одоо ажилдаа гаръя гэсэн жолооч, кондуктор байна уу?

-70 гаруй жолооч ажилдаа гарах гээд ирсэн ч жагсаж байгаа ажилчдаас болж ажилдаа гарч чадахгүй байна. Тэднийцагбүрдэхгүй бол цалингаа бүрэн авахгүй шүү дээ. Ажилчид өөрсдөө ажилдаа гарах гээд байхад гаргахгүй байна гэдэг ажлын байрны нэг төрлийндарамт.

Автобусны компаниудын ажилчид ажлаа хаяж байх үеэрбуюу өчигдөр 13.00 цагийн орчим “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн удирдлагууд болон Нийслэлийн холбогдох албаны хүмүүс хэвлэлийн бага хурал хийнэ гэсэн мэдээлэл цацагдсан юм. Энэ талаар нийслэлийн захиргаанаас тодруулахад“Зорчигч тээврээс мэдээлэл өгнө гэсэн боловч өөрсдөө ирээгүй.Нийслэлийн удирдлагууд мэдээлэл өгнө гэдэг худлаа зар явсан байна” гэсэн хариу өглөө.

С.Ариунжаргал

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
булангууд мэдээ танайд-өнжье

“Агт-Эрдэнэ” галын уяа эхэлжээ

Зуны тэргүүн цагаагчин могой сарын таван шар мэнгэтэй шаргачин гахай өдөр “Агт-Эрдэнэ” галыг зорилоо. Уяачид хэдийнэ зусландаа гарч наадамд бэлдэж эхэлжээ. “Агт-Эрдэнэ” гал Төв аймгийн Баян сумын Их булагийн Сөдөт гэдэг газар морьдоо ногоолж байна. Тэд зусландаа гараад долоо хонож байгаа юм байна. Буянтай хэмээн алдаршсан Нийслэлийн алдарт уяач Ганбаатарын Буянтогтох “Агт-Эрдэнэ” галын ахлагч. Биднийг Г.Буянтогтох уяач угтан авсан юм. Гэртээ морины дөрвөн хүүхэд, хоёр туслах уяачтайгаа аль хэдийнэ төвхнөчихөж. Хүүхдүүдийнх нь хичээл тараагүй учир албандаа байгаа гэнэ. Эхнэр Ц.Батжаргал нь хүүхдүүдээ хараад Багахангайд байгаа юм байна. Г.Буянтогтох дөрвөн хүүхэдтэй. Том охин Анударь нь Багахангайн Хангай цогцолборын гуравдугаар анги, хоёр дахь охин Оюундарь нь нэгдүгээр анги. Дөрвөн настай Батсүлд хүү цэцэрлэгийнх. Хамгийн бага Баттөр хүү ой таван сартай. Биднийг очсон өдөр аав нь цэцэрлэгийн жаалаа дагуулаад ирчихсэн байв.

Гэрт нь орлоо. Морины хүүхдүүд нь шалмаг гэгчээр цай үйв. Г.Буянтогтох морины хүүхдүүдээ өхөөрдөөд жигтэйхэн. “Наад нөхдийг чинь шалгалтандаа бэлд гээд орхиод ирсэн юм. Гэтэл моньднууд чинь араас дугуйтайгаа яваад ирчихдэг байгаа. Удахгүй буцаана аа” гээд инээж байна. Моринд хорхойтой нөхдийг Итгэл, Дугарваанчиг гэдэг аж. Хоёулаа 2010, 2011 оны шилдэг унаач хүүхдүүд гэнэ. “Одоо мориндоо томдоод тавиач болж байгаа” гэж Г.Буянтогтох ярив. Уяачийн гал Багахангайгаас бас ч үгүй зайтай. 22 км газар дугуй унасаар хүрээд иржээ. “Ийм хол замд ядарсан уу” гэж асуухад Дугарваанчиг “Дугуйтайгаа гурван цаг явж байж ирсэн л дээ. Гэхдээ дуртай юм руугаа ирж байгаа болохоор гоё байсан” гэж хэвлүүхэн хэлчихээд гарч одов. Удалгүй цай даргиллаа. Итгэл сурмаг гэгч нь цай аягалж өгч байна. Г.Буянтогтох Монгол Улсын манлай уяач Д.Оюунбилэгийг дагаж моринд дурлажээ. Түүний уяач болсон түүх их сонин юм. Тэр дөрвөн хүүхэдтэй айлын том нь гэнэ. Төрж өссөн нутаг нь Төв аймгийн Баян сум. Монгол Улсын манлай уяач Д.Оюунбилэгийн төрсөн дүү Д.Оюунбаатар Г.Буянтогтохын сургуульд багшилдаг байж. Хүү нэгдүгээр ангид сурч байжээ. Нэг өдөр багш нь “Морь унаж чаддаг хүүхэд байна уу” гэж асууж л дээ. Морь харахаар унаад давхихсан гэж хүсдэг Г.Буянтогтох хүү ч уухайн тас гараа өргөж “Багш аа би чадна” гэчихэж. Ингээд лморь унахаар болж багшийгаа дагаад явсан аж.

Хүү анх Д.Оюунбилэг уяачийнд очихдоо морь унаж чаддаггүй байжээ. Эхэндээ морь унаж чадахгүйдээ, худлаа хэлсэндээ санаа зовж байсан ч удалгүй сурсан гэнэ. Түүний аав, ээж нь хоёулаа төмөр замын хүмүүс юм байна. Хүүгээ морь унана гэхэд хорьж сүйд болоогүй аж. Г.Буянтогтох бие жижигтэй байсан учраас долоон настайгаасаа есдүгээр анги хүртлээ морь унажээ. Моринд хорхойтой хүү сургуулийн амралт эхлэнгүүт дүн өвлөөр ч хамаагүй Оюунбилэгийнх руу алхаад ч болтугай явах гээд зүтгэдэг байжээ. Тав дахь өдөр очоод нэг дэх өдөр нь хичээлдээ амжиж очдоггүй байсан гэнэ. Г.Буянтогтох есдүгээр ангиа төгсөөд морь тавиач болжээ. Дараа нь туслах уяач болсон байна.Түүнийг Оюунбилэгийн аав Дондог гуай Буянтай гэж дууддаг байж. Тэгээд л хавь ойрынхон нь Буянтай гэдэг болжээ.

Г.Буянтогтох 2002 онд аравдугаар ангиа төгсөөд оюутан болохоор Хууль зүйн Шихихутаг дээд сургуульд бүртгүүлчихсэн байж. Хөдөөнөөс эгч нь конкурс өгүүлэхээр дагуулаад ирэхэд нь зугтаачихсан гэж байгаа. Номыг биш морийг сонгоод ирсэн хүүг манлай уяач дуртай гэгч нь хүлээж авсан гэнэ. Гэхдээ шууд морины хүн болгохыг хүсээгүй аж. Д.Оюунбилэг манлай уяач уран гартай дархан хүн байж. Багаасаа морийг нь унаж, ойр дотно явсаар ирсэн хүү дуран дархны эрдмээ зааж өгөхөөр болжээ. Г.Буянтогтохыг хотод байдаг дархны газар руугаа явуулсан ч дахиад л морио гээд хүрээд ирж.

Г.Буянтогтох цай оочлонгоо “Тэр үед Оюунбилэг ах намайг галзуурах нь гэж бодсон байх сүүлдээ явуулахаа байчихсан” гээд инээмсэглэв.

Удсан ч үгүй туслах уяач залуу оройн хоолоо бэлтгэж эхэллээ. Энэ зуур галынхан зүгээр суусангүй. Хоол болтол шийр зугаа гэдэг шиг хөзөр тоглож цагийг хөгжилтэй өнгөрөөв. Хөзөрдөж суух зуур борцтой гоймонтой шөл бэлэн болов. Галын ахлагч “Бид ид ажлын үеэр тогооч авчихдаг юм. Одоохондоо өөрсдөө бантан ч хамаагүй хийж идчихээд л болоод байна” хэмээв.

Дандаа эрчүүд байгаа гэхэд гэр нь их цэвэрхэн юм. Г.Буянтогтох “Морь ёслохоос өмнө сунгааны зам дээрээ буучихна. Арав хоноод бууна. Одоохондоо адуугаа сайхан ногоолж байна” гэж яриагаа үргэлжлүүлэв. “Агт-Эрдэнэ” галд одоогоор Нямбаяр, Буянжаргал, Энхмандах, Энхтөр гэсэн унаач хүүхдүүд байгаааж. Туслах уяачид нь Алтансүх, Түвшинбаяр хоёр. Буянтай 1985 оных, туслах уяачид нь дөнгөж 20 гарч байгаа залуус гэнэ.

Биднийг яриа өрнүүлэх зуур морины тавиач хоёр хүү унаач хөвгүүдтэй хамт хөл бөмбөг тоглоцгоов. Уяачийн гэрийн гадаа энэ мэтээр хүүхдийн дуу шуугиан ер нь л тасардаггүй бололтой.

Хөвгүүд багаасаа моринд тун эвлэгхэн байгаа харагдана. Ямар ч морин дээр зайдан мордож тэжээгдэж буй бага адуунуудаа сурамгай нь аргагүй бугуйлдана. Тэд хэдийгээр бяд суугаагүй ч сурцаараа ямар ч адууг татаж унагах нь бахархалтай харагдаж байлаа.

Галын ахлагч “Д.Оюун­билэг ахтай хамт морь уяж эхлээд 2007 оноос хойш морьд маань хурдалж эхэлсэн. Бид хоёр нийлж олон ч морь уясан даа. Морь уях эрдмийг ахаасаа л сурсан” гэж байна. Дархан хэмээх Оюунбилэг агсан бол энэ цаг үеийн тодорсон уяачдын нэг байсан. Энэ эрхэм хүний уяаны эрдмийг даацтай өвлөж авсан залуусын нэг бол Г.Буянтогтох ажээ. 2007 онд Халтар халзан морь нь Багануурт түрүүлсэн ч Улсын баярт айрагдаж чадаагүй аж. Хөвсгөлийн “Хотгойдын хурд-2007”-д хязаалан насанд Сувдан зээрд нь аман хүзүүдсэн жилээс хойш хурд нь эхэлжээ. Сүмбэн зээрд нь 2010 оны улсын наадамд түрүүлж байж. Хоёр жилийн өмнө гэхэд лайраг түрүү нь 30 хол давсан байжээ.

Г.Буянтогтох “Ер нь гардаад олон жил уяж байгаа морь андашгүй. Ханачихсан байна даа, уяа нь орчихож гэдгийг төвөггүй анзаарчихдаг. Морь болгон өөрийн гэсэн онцлогтой болохоор шинэ ирсэн морийг мэдрэхийн тулд багагүй хугацаа ордог. Оюунбилэг ах дутааж байхаар гүйцээж байгаарай гэж захидаг байсан. Ахынхаа захиасыг байнга л боддог. 2010 онд би Хонгор морио Төв аймагт уралдуулж айрагдуулаад Их хурдын эрх авчихъя, тэгээд дараа нь гурван морь уралдуулъя гэж ахад хэлсэн юм. Тэгсэн чинь ганцааранг авч яваад яахав миний хүү гээд Цогоо ахын зээрд морийг бас хамт явууллаа. Төв аймагт очсон чинь хонгор морь түрүүлээд, зээрд морь нь аман хүзүүдчихсэн. Маргааш нь улсын наадам болсон юм. Азарга үзэж байтал саарал азарга маань дөрөвт явж байгаад хадуурчихдаг байгаа. Тэр үед Сүмбэн зээрд түрүүлээд, Цоглог гурваар ирж байлаа. Халтар азаргаа хадуураад явахаар нь сэтгэлээр их унаж байсан ч хоёр морио хараад тайвширсан шүү” хэмээн яриагаа үргэлжлүүлэв.

“Уяачийн хөдөлмөр хэцүү шүү дээ” гэж байна. Тэрээр “2010 онд юм байна. Их хурдад гурван морь мордуулах гэж байсан чинь Билгээ ах Баянцагааны Батжаргал ахтай наймаа хийгээд зарчихсан. Тэгээд хоёр морьтой боллоо. Тэр жил хоёр их нас, хоёр азарга уралдуулсан. Сүмбэн маань гуравт ороод, Цоглогдолоод орсон. Их нас гарах гэж байхад Халтар халзан морины хүүхэд нь төхөөрөмжийн цаана ойччихсон. Гурван их морь уралдуулдаг хүн чинь ганцхан их морьтой болсон доо. Гэхдээ Хонгор морь маань тасархай түрүүлсэн шүү. Өмнө нь би найзууддаа манай Хонгор морь хурдан байгаа гэж тэрүүхэндээ омогшоод хэлчихсэн байсан юм” гэж хэлээд хөгжилтэй инээв.

Г.Буянтогтох одоо “Нүү­­дэл­­чин” группын Ш.Лхамсүрэнгийн морьдыг уяж байгаа гэнэ. Тус группээс Буянтай уяачийн нийгмийн даатгалыг төлдөг аж. Ер нь л уяачаа нэлээд харж үздэг бололтой. Өнгөрсөн хавар гэхэд л хоёр өрөө байр авч өгчээ. Мөн Төв аймгийн Дэлгэрхангай сумын уугуул Мөнгөншагай гэдэг хүний морийг ч уяж байгаа аж. Биднийг ийн яриа хөөрөө үүсгэж суухад түрүүнээс хойш гарч орж гүйлдэж байсан хүүхдүүд “Үхэр ирчихлээ” хэмээн хэлээд саахаар гарцгаалаа. Бид ч араас нь гарлаа. Нэг нь ивэлгэж өгөөд, нөгөөх нь төвөггүй саачихав. Галын ахлагч “Хүүхдүүд амраад эхнэр ирчихвэл цагаатай болох байх даа. Одоохондоо ч цайны сүүнээс цаашгүй л сууцгаана” гэж байна.

Тэрээр галынхаа Хонгор морины угшлыг сонирхуулав.Баян сумын Мөнхөө гэдэг хүний олон айрагдаж түрүүлсэн хул азарга Хонгор мориных нь эцэг байж. Г.Буянтогтох “Түүний төл хул азарга манай талийгч ах дээр ирсэн юм. Үүнээс гадна Баянцагаан сумаас Ш.Батжаргал гэдэг айлынхаас нэг хүрэн гүү ирсэн юм. Тэр хүрэн гүүг ам цагаан хул азаргандаа хураалгасан чинь дундаас нь Дөлгөөн хонгор морь маань гарсан. Дөлгөөн хонгорын ах нь их хурдад гуравт орсон Халтар морь. Их хурдад төрсөн ах дүү хоёр түрүүлсэн түүх байхгүй. Энэ хоёр маань Төв аймгаас гарсан угшлын морьд шүү дээ” гэж бахархангуй ярилаа.

Буянтай уяач “Бид чинь морь айрагдаж түрүүлэхэд баярлах тэр сэтгэлийг л мэдрэх гэж морь уядаг улс. Дараа жилийн наадам даанч хол байна гэдэг шүү дээ. Дөрвөн сарын сүүлээр л сэтгэл хөдлөөд сайхан болдог. Хөндлөнгийн хүмүүст бидний ажлыг харахад хэцүү л санагддаг байх. Харин бидний хувьд жинхэнэ аз жаргал энд л бий. Морио хаяад хотод хэд хонох ямар хэцүүг хэлэх юм биш” гэж байна. Хурдан морины эргэн тойронд янз бүрийн сайн муу яриа байдаг. Энэ нь магадгүй монгол ахуйгаас хол хөндий өссөн ч юм уу, монголоосоо гарч үзээгүй хүмүүсийн яриа байж болно. Харин монголоосоо олон жилээр гадна байсан ямар ч монгол хүнд өнөөдөр бидний зүхээд байгаа энэхүү хөдөө ахуй, монгол наадмын сайхан нь илүү тод мэдрэгддэг юм билээ. Америкт сурахаар очсон хотын унаган охин тэнд байх хоёр жилийн хугацаандаа “Толин хул” дуунд жигтэйхэн дуртай болсноо ярьж байсан. Энэ бол би монгол хүн юм байна гэдгээ мэдэрч байгаа шинж биз ээ. Монголынхоо сайхныг ийнхүү мэдрүүлж өгч буй монгол эрчүүдийн нэгэн төлөөлөл бол залуу уяач Буянтогтох гэж хүндэтгэн үзэх ёстой санагдана.

“Танд унаган адуу байгаа юу” гэж асуухад “Олон сайхан азарга уяж байсны хэрэг юу билээ. Буянтайгийн унаган адуу гэж нэрлэгдэх морьд бий.Энэ жилээс өөрийн нэр дээр уралдуулна. Нас насны долоо, найманморь байгаа” гэснээс өөр үг унагасангүй.

Тэд орой 19.00 цагийн үедадуугаа услахаар явцгаалаа. Гурав хувааж усалдаг юм байна. Морьдоо усалж ирэх хооронд нь гэртээ үлдсэн туслах уяач Алтансүх зүгээр суусангүй. Морьдын тэжээлээ зуураад уутанд хийгээд бэлдчихэв. Одоогоор 30 морь тэжээж байгаа учраас нэг тэжээхэд л хоёр шуудай хивэг хэрэг болдог гэнэ. Тэжээлээ бэлдээд дуусч байхад нь хотоос нэг портер ирэв. Тэдний галын Мөнгөншагай туслах уяачдад шинэ мотоцикль явуулжээ. Энэ галынхан зуны гурван сард нэг мотоциклийг адуундаа явж элээдэг юм байна.

Усаа уугаад ханасан морьд шууд гэрийнхээ гадаа ирээд тэжээлээ идэхээр овоорлоо. Туслах уяачид бэлтгэсэн тэжээлээ нэг нэгээр нь толгойд нь углаад хоорондоо булаалдахаас сэргийлж харж зогсов. Анх тэжээж эхэлж байгаа дааганаас бусад нь өөрсдөө хүрч ирээд тэжээлээ сурмаг гэгч нь идчихлээ. Зарим даагыг бугуйлдаж байж тэжээлийг нь өгч харагдав. Ингээд бид 21.00 цагт Г.Буянтогтохын галаас буцлаа. Хүй мандлын буурал дэнж наадмаа хүлээн буй энэ цаг дор ийнхүү Буянтогтох уяачийнхаар бууж мордлоо. Монгол наадмын чимэг болсон морь хүүхэд хоёрынхоо дунд Буянтогтох уяач жаргалтай нь аргагүй алхаж монгол наадмаа тэсч ядан хүлээн байгаа нь хэдхэн цаг саатсан энэ мөчид мэдрэгдэж байлаа. Морины уяан дээр муу үг хэлэлцэгдэж, муу санаа оршдоггүй гэсэн өвгөдийн үг бий. Гэгээн тунгалаг энэхүү ахуй орчноос гэрэлтэй сайхан сурвалжлага бэлдэх урамтай байлаа.

С.АРИУНЖАРГАЛ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Устаад дахин дэгдсэн “Улаанбурхан”-аар оюутнууд олноороо өвдөж байна

Сүүлийн үед залуусыг олноор нь хамарч байгааулаан бурхан өвчнийг сурвалжлахаар 12.00 цагт ХӨСҮТ дээр очлоо. Биднийг очиход ХӨСҮТ-ийн хүлээн авахын урд талд хувийн машинууддаа суусан хэд хэдэн хүн харагдав. Халдварт менингит, гахайн хавдар, салхин цэцэг өвчнийг хүлээн авдаг хаалган дээр хүнгүй байсан ч улаанбурхан өвчний хүлээн авах хаалганы үүдэнд маск зүүсэн олон залуусдараалан зогсож байв. Хүлээж байгаа хүмүүсийг харвал дандаа насанд хүрэгчид, тэр дундаа хорь гаруй насныхан жин дарж байна.Улаанбурханы сэжигтэй тохиолдолд үзлэг хийж буйэмч нартай уулзах гэж дугаарлаж зогсоо залуусын өмнүүр ороход дургүй байгаа нь илт. Эмч нар өвчтөнүүдээ үзээд завгүй байгаа гэсэн шалтгаанаар яриа өгсөнгүй.Үүдэнд ээлжээ хүлээж байгаа Э-ээс яагаад ирсэн талаар ньасуухад “Би ШУТИС-ийн оюутан. Хоёр хоногийн өмнө нүүрэн дээгүүр юм туураад байхаар нь өрхийнхөө эмнэлэгт үзүүлсэн чинь харшил гэж хэлсэн. Манай сургуульд ер нь улаанбурханы тархалт арай л дэндүү байгаа. Тэгээд л мэргэжлийн эмнэлэгт үзүүлсэн нь дээр гэж бодоод үзүүлэх гэж байна” гэлээ.

Улаанбурхан гэсэн хаалганы харалдаа машиндаа суун хүлээж байгааГ-тэй уулзлаа.“Тийм ээ. Цас ороод сэрүүхэн байгаа учраас гадаа зогсч болохгүй байна. Очероо захичихаад машиндаа сууж байна. Хэдэн өдөр халуураад бие муу дуудлага өгөөд түргэн ирээгүй. Зөндөө дуудсан ч ирдэггүй юм билээ.Өөрөө ирээд үзүүлэх гэхээр очер нь дийлдэхгүй хэцүү юм. Энэ төр засаг барьж байгаа хүмүүс, Эрүүл мэндийн яамныхан дулаахан байшиндаа юу ч хийхгүй юм. Энэ ХӨСҮТ дээр ирээд бодит амьдрал ямар байгааг хар л даа. Нэг хүн ороод бараг 30 минут болох юм.

Ядахдаа үзлэг хийлгэхдээ өмнө нь хэдэн цаг даарч зогсохооч мэдэхгүй байна. Өглөөнөөс хойш энд даараад оочерлож байгаа хүмүүс өчнөөн байна” гэж бухимдангуй ярилаа.

ӨДӨРТ “УЛААН БУРХАН”-Ы 200 ТОХИОЛДОЛ ИЛЭРЧ БАЙГАА ГЭВ

Захиргаа руу нь орлоо. Захирал, эмчилгээ эрхэлсэн дэд захирлын аль нь ч байсангүй. ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасантай уулзажулаанбурхан өвчний талаар зарим зүйлийг тодруулсан юм.

Улаанбурхан өвчний дэгдэлт энэ жил ингэж ихэссэн шалтгаан нь юу вэ?

-Улаан бурхан сүүлийн долоон жил манайд бүртгэгдээгүй. Хөрш орнуудад дэгдэлт өндөр байгаа учраас манай оронд дэгдлээ. Цагаан сарын үеэр халдвартай хүн ирснээр халдвар ихээр илэрч байна.

Улаанбурханаас хэдэн настай хүүхдүүд илүү өвдөж байна?

-Энэ жил улаанбурхан өвчний дархлаажуулалтад хамрагдах болоогүй насны хүүхдүүд өвчилж байна. Ер нь улаанбурханы вакцинжуулалтыг есөн сартайд болон хоёр настайд хийдэг юм. Хүүхэд эхээс төрөхдөө өөрөө улаанбурханы дархлаажуулалттай төрдөг. Есөн сар хүртлээ эхийн сүүнээс дахлаажуулалтаа авдаг учраас есөн сартайд нь вакцинжуулалт хийдэг юм.

Насанд хүрсэн хүмүүс улаан бурханаар өвдөөд байгаагийн учир нь юундаа байна?

-Сүүлийн үед оюутан залуусын дунд халдвар их гарч байна. Ерөнхийдөө нэг сартайгаас 40 нас хүртэлх хүмүүс энэ өвчнийхалдвар авч байна.

Өдөрт улаан бурханы хэдэн тохиолдол бүртгэгдэж байгаа вэ?

-ХӨСҮТ-д өдөрт 200 орчим дуудлага ирж байгаагаас 60 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Вакцин хийнэ гэсэн сураг байсан. Хэзээнээс хийх вэ?

-Вакциныгтавдугаар сарын 15-25-ны хооронд зургаан сартайгаас таван настай бүх хүүхдүүдэд орон даяар хийнэ. 370 хүний дозтой улаан бурханы вакциныг Эрүүл мэндийн яамнаас шийдвэр гарган нийлүүлэх гэж байгаа.

Оюутан залуусын дунд их гарч байгаа юм байна.Тэдэнд вакцин хийхгүй юм уу?

-Иргэд өөрийнхөө биед анхаарал тавьдаггүй нь үүн дээр харагдаж байгаа. Вакцины хүрэлцээ муу байхад дархлаажуулалт хийчихсэн хүнийг дахин хамруулж үргүй зардал гаргамааргүй байна. Дархлаажуулалтад хамрагдсан уу гэсэн асуултад насанд хүрэгчид“мэдэхгүй” гэж хариулаад байна.

Энэ өвчнөөс яаж сэргийлэх вэ?

-Өвчтэй хүнтэй харьцахгүй байх хэрэгтэй. Нойргүйдэл, стресс, хоолны дутагдлаас сэргийлж дархлаагаа дэмжих хэрэгтэй.

Улаанбурхан өвчний дэгдэлт гарснаас хойш хэдэн тохиолдол илэрчихээд байгаа бол?

-Өнгөрсөн баасан гаригийн байдлаар 2974 хүн сэжигтэй тохиолдол илэрснээс 388 нь лабораториор батлагдчихаад байна.

Ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ?

-Онцгой таван шинж тэмдэг илэрдэг. Толгой өвдөх, халуурах, нус гоожих, нүд улайх, тууралт зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тууралт эхлээд толгой, хүзүү, цээж, их бие, үе мөч зэргээр дамжиж гардаг.

Өвчин хүндэрвэл ямар эрсдэлтэй вэ?

-Амьсгал боогдох, хатгаа авах, бөглөрөх, суулгах, тархины эдийн гэмтэл, нүдний үрэвсэлт өвчнүүд болон ахмад настнуудын хувьд хууч архаг өвчин нь хөдөлж сэдэрнэ.

Улаанбурхан өвчин буурдаг сар гэж бий юу. Хэзээ багасах бол?

-Одоо улаанбурхан өвчний тархалт оргил үе дээрээ явж байгаа. Тавдугаар сард хийх вакцинд сайн хамрагдвал зургадугаар сард өвчний тархалт буурна гэж үзэж байна.

ЭМЯ-НД ОЮУТНУУДЫГ ВАКЦИНЖУУЛАХ ӨРГӨДӨЛ ГАРГАЖЭЭ

Бид ХӨСҮТ-ээс гараад өвчний тархалт өндөр байгаа оюутны байруудаар орлоо. МУИС-ийн оюутны тавдугаар байранд очиход сургуулийн жижүүр нь сууж байлаа. “Танай байранд улаан бурхан өвчний тохиолдол илэрсэн үү” гэж асуухад “Манайд нэг ч тохиолдол илрээгүй. Харин өчигдөр мэдээ үзэж байхад ШУТИС-ийн оюутны байранд их байгаа гэж сонслоо. Тэгээд ШУТИС-ийн оюутнуудыг оруулж болохгүй юм байна гэж ярилцаад л сууж байна” гэсэн хариулт өглөө.

Тэндээс гараад ШУТИС-ийн оюутны нэгдүгээр байранд очиход үүдний бариулаа марлаар боож ариутгажээ. ШУТИС-ийн нэгдүгээр байрны эрхлэгч Ю.Уранчимэгээс улаан бурханы халдвар авсан оюутнуудын тоог сонирхоход “Дөрөвдүгээр сарын 28-нд хамгийн анхны тохиолдол бүртгэгдсэн. Анхны тохиолдол гарангуут оюутны байр хариуцсан Г.Анхцэцэг эмчтэй хамтраад тавдугаар сарын 1-нд оюутнууддаа вакцинд хамруулсан. Улс даяар вакцины хүрэлцээ маш муу байгаа юм билээ. Тиймээс бөөнөөрөө амьдардаг оюутны байрнаас үйл ажиллагаагаа явуулъя гээд 107 оюутанд вакцин хийсэн байгаа. Дараа нь тавдугаар сарын 3-нд 125 оюутныг вакцинд хамруулсан. Манай оюутны байр 296 оюутантай. Тавдугаар сарын 5-ны өдөр вакцины олдцоос болоод 31 оюутныг хамрууллаа. Үндсэндээ 265 оюутнаа вакцинд хамруулчихаад байна. Эхний халдвар илэрсэн хүүхэдгэртэээмчлүүлэхээр явсан. Одоо эдгэрсэн. Улаанбурхан өвчний үргэлжлэх хугацаа 10-14 хоног л юм байна. Анхны тохиолдол гарснаас хойш манайх эрэгтэй, эмэгтэй гэж тусгаарлах өрөө гаргасан” гэж ярилаа.

Вакцин хийлгэсний дараа вакцины урвалын нөлөөгөөр улаанбурханы халдвар авч эхэлж байсан залуустөвчилж эхэлжээ. Байрны эрхлэгч “Эхлээд халуурч байснаа биеэр нь жижиг тууралт гарч хоёр дахь өдөр нь зүгээр болдог юм байна. Тусгаарласан өрөөнд хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүүхэд байсан.Хоёр нь эдгэрсэн. Халдвартын эмч ирээд карантинаас гаргаж болно гэсэн учир өрөөнд нь оруулсан.Нэг эрэгтэй нь эмчид үзүүлэхээ хүлээж байгаа. Одоогийн байдлаар манай байранд найман оюутан өвчилсөн байна. Хоёр хүүхэд тууралт өгсөн боловч халдвартын эмчид үзүүлэхэд улаанбурхан биш харшилгэсэн. Оюутнуудаа бүх мэдээллээр хангаж байна.Одоогоор манай байранд гадны нэг ч хүн оруулахыг хориглосон. Оюутнууддаа маск үнэгүй тарааж өлөө. Мөн ШУТИС-ийн захиргаанаас оюутны нэгдсэн үйл ажиллагааг хориглочихсон. ШУТИС-ийн эрүүл мэндийн төвөөс байнга ирж зөвлөгөө өгч байгаа. Манай оюутны байрны хувьд урьдчилсан арга хэмжээг маш сайн авч байгаа. Байрандаа өдөр болгон оюутан жижүүр гаргаад хүүхдүүдийг халуурсан эсэхийг шалгаж байна. Халуурч байвал би эхлээд очиж үздэг юм. Улаанбурхан өвчнөөр өвчилсөн бол халуурч, юм туурахаас гадна чихний арын булчирхай цочдог юм билээ”хэмээн ярив.

Оюутны байрны эрхлэгч бидэнд тусгаарласан өрөөгөө сонирхууллаа. Эмэгтэй тусгаарлах өрөөнд хэвтэж байсан хоёр охин эдгэрсэн тул өрөө нь хоосон байв. Харин эрэгтэй тусгаарлах өрөөнд нэг оюутан байсан юм. Тэрээр “Би анх халуурч эхэлсэн. Багшдаа хэлсэн чинь түргэн дуудсан. Удалгүй нүүрэн дээр нь юм туурч, хоолой барьдаг юм билээ. Үзүүлсэн чинь харьцангуй гайгүй гэсэн учраас байрныхаа тусгаарлах өрөөнд хэвтэж байна. Ер нь дархлаа сайжруулах витамин их хэрэглэх ёстой юм байна” гэв.

Тусгаарлах өрөөнөөс гарч зарим оюутнуудтай уулзлаа. Тус байранд амьдардаг оюутан Үржээ “Манай байранд улаан бурханы дэгдэлт гарсанаас хойш оюутнууд дайжаад байгаа гэсэн яриа гарсан байна лээ. Ерөөсөө тийм зүйл байхгүй. Гэхдээ хөл хорио тогтоогоод гаднаас хүн оруулахгүй байгаа. Сүүлийн үед үйлчлэгч эгч нар цагаа сунгаад ердийн үеийнхээс хэд дахин их цэвэрлэгээ хийж байна. Харин сургууль дээр хүүхдүүд олноороо өвчилж байх шиг санагдсан. Хүмүүс ХӨСҮТ-д манай ангийхан л байна гэцгээгээдбайна лээ” гэж ярилаа. Харин ШУТИС-ийн оюутныбайранд амьдардаг Наран“Би архитектурын ангийнх . Манай ангиас найман хүүхэд улаанбурхан туссан гэсэн. Эмч, байрныхаа багшийн зөвлөгөөг л сайн дагаж байгаа даа. Витамин, халуун юм их ууж байгаа” гэлээ. Оюутны байрнаас гарахад үүдэнд суух жижүүр багш хүүхдүүдийг маскаа зүүхийг сануулж байв.

ШУТИС-ийн оюутны дотуур байрнаас гараадХүмүүнлэгийн ухааны их сургуулийн дотуур байрыг зорилоо. Биднийг очиход дотуур байранд засвар хийж байв. Байрны багш Б.Хуваагаас улаанбурхан өвчний дэгдэлт ямар байгааг асуухад “Манай байрыг хувь хүн худалдаж авч байгаа болохоор засвар хийж байгаа юм. Дотуур байранд улаанбурхан өвчнөөр одоогийн байдлаар 19 хүүхэд халдварлаад байна. Эхний ээлжинд долоон хүүхэд халдварласан. Тэпнийг халдвартад хэвтүүлсэн ч хүүхдүүд сургуулиасаа өвчин авч ирээд байна. Одоогоор өвчтэй байгаа хүүхдүүдийг тусгаарласан. Анх Байгаль орчны ангиас л халдвар гарсан гэсэн. Манайх дотуур байрандаа байнгын ариутгал тогтмол хийж, оюутнууддаа маск тарааж бүр өөрсдөө витамин хүртэл авч өгч байна. Манай дотуур байр Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд харьяалагддаг учраас шаардлагатай тохиолдолд өрхийн эмчид үзүүлж байгаа. Оюутнуудыг вакцинжуулъя гэсэн өргөдөл ЭМЯ-нд гаргачихсан байгаа ч одоогоор хийсэн зүйлгүй л байна” хэмээлээ.

С.АРИУНЖАРГАЛ