Categories
арын-нүүр булангууд мэдээ

Нийгэмд буруу үйлдэл хийсэн хүнд цахим ертөнц шийтгэл оноодог болжээ

Саяхан Хятадын Урумчи хотод амьдардаг нэгэн эр гэмгүй нохойг зодсоны төлөө олон нийтээс уучлал гуйсан байна. Тодруулбал, өнгөрсөн ням гарагт Чен Жай гэх худалдагч залуу дэлгүүрийнхээ гаднаас цусандаа хутгалдан, гэмтэж бэртсэн нохойгоо олжээ. Нохойг нь Ван Жиан хэмээх 30 орчим насны эр зодсон болохыг мэдсэн байна.

Тэрээр нохойг гурван настай хүү рүү дайрсан учир зодсон хэмээн тайлбарласан ч нохойнд хазуулсан гэх ямар ч хүүхэд байгаагүйгээр барахгүй хүүхдийн уйлах чимээ сонсогдоогүй гэнэ. Энэ хэрэг гарснаас хойш хэдхэн цагийн дараа нохой зодсон эрийн гаргасан хэрцгий авирын тухай орон нутгийн хэвлэл мэдээлж, онлайнаар түүний гэрийн хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг бусад хувийн чанартай мэдээлэл цацагдсан гэнэ.

Удалгүй нохойг зодсон эрийн утсанд 2000 гаруй шүүмжилсэн мессеж, 3000 орчим дуудлага ирсэн аж. Бүр амьтан хамгаалагчдаас хүртэл сүрдүүлэг ирсэн байна. Аргагүй байдалд орсон балмад этгээд нохойг зодож, бэртээсэн дэлгүүрийн гадаа ирж олон нийтэд хандаж уучлал хүсч, буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрсөн аж.

Гэсэн ч олон нийтийн уур бухимдал намжаагүй бөгөөд түүнийг шийтгэхийг шаардсан хүмүүс түүний машины шилийг хагалсан байна. Энэ нь нийгэмд асуудал үүсгэсэн хүнд цахим ертөнц ямар том шийтгэл хүлээлгэж болох тод жишээ болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Энх-Амгалан: Модернист яруу найрагч Б.Галсансүхтэй танилцсанаар рок хөгжмийн ид шидэнд бүрэн автсан даа

“Нисванис” хамтлагийн
ахлагч Л.Энх-Амгалантай ярилцлаа.

-“Соёл-Эрдэнэ”
хамт­лагийн тоглолт дээр танай хамтлаг ямар дуу дуулж байгаа юм бэ?

-“Соёл-Эрдэнэ” хамтлаг
Монголын аргагүй агуу хамтлаг. Манай хамтлаг 1996 оны дөрөвдүгээр сарын 9-нд яг
“Соёл-Эрдэнэ” хамтлагийн өрөөнөөс бэлтгэл хийгээд басс гитарчин Даймаа ах бидний
анхны бичлэгүүдийг хийж өгч өлгийдөж авч байлаа. “Соёл Эрдэнэ” хамтлагийн өрөөнөөс
маш олон хамтлаг гарснаас хамгийн отгон хамтлаг нь “Нисванис”. Тиймээс бид ах нарыгаа
үнэхээр их хүндэлдэг. Би одоо “Хүүш Дамдин” гэж баруун Монголын буриад ардын дууг
дуулна. Урд нь “Цэнхэр дэлгэц-2” дээр бас дуулж байсан юм.

-Хамтлагийн анхны
гишүүд өөрчлөгдсөн үү. Хэд дэх жилдээ уран бүтээлээ туурвиж байна вэ?

-Хамтлагийн гишүүдээс
басс гитарчин Д.Дарханбат бид хоёр бууриа сахиж үлдсэн. Соло гитарчин Хосоо, бөмбөрчин
Анар хоёр маань ороод зургаа, долоон жил болж байна. Үүсгэн байгуулагдсан өдрөө
жил болгон “Нис Нис Фест” тоглолт зохион байгуулдаг болсон. Манай хамтлаг байгуулагдаад
19 жил болсон байна. Нэлээд хөгшин хамтлаг шүү.

-Жил болгон болдог
“Нис Нис Фест” тоглолт “Play time”-ын өмнөх томоохон шоу болдог гэдэгт санал нийлэх
үү?

-Ер нь “Нис Нис Фест”
маань “Playtime”-ийн бэлтгэл маягтай наадам гэж хэлж болно. Хавар дөрөвдүгээр сарын
9-нд болдог учраас зааланд хийдэг. Тиймээс багтаамж, хамрах хүрээний хувьд багавтар
юм шиг атлаа өргөн агуулгыг илэрхийлдэг гэж боддог. Энэ удаагийн наадам хүнд металлаас
авахуулаад инди хүртэл зөөлөн тоглодог бүхий л чадвартай хамтлагуудын төлөөллөөс
оролцсон.

-Амьд хөгжмийн
хамтлагийнхан дууныхаа үг, аяыг өөрсдөө зохиодог
шүү дээ. Танай хамтлагийн хувьд?

-Үг зохиох үүрэг надад
оногдсон. Дууны аяыг гишүүд маань өөрсдөө сууж байгаад гаргадаг. Бүгдээрээ хөгжмийн
багш учраас ая дээр санаа зоволтгүй.

-Танай нэг тоглолт
дээр таван хүн ирж байсан гэж сонсч байсан. Анхны тоглолт байв уу?

-Анх 1996 оны арваннэг­дүгээр
сарын 22, 23-нд Соёлын төв өргөөнд хоёр өдөр тоглолт хийж байлаа. Сүүлд “Варьете”
чуулгын нээлтэд зарлаагүй тоглосон болохоор хүмүүс мэдээгүй л дээ. Хөшиг нээгдэхээс
өмнө “Варьете” чуулгын дарга Донид гуай орж ирээд “За хүүхдүүдээ дөрөв, тавхан билет
зарагдсан юм шиг байна, юу ч гэсэн цагтаа эхэл эхэл. Урлагийн хүмүүс хүний тоог
голж болдоггүй юм” гээд биднийг тайзан дээр гаргаж байсан. Тухайн үедээ бид, Эрдэнэтэд
“Манай тоглолтыг тавхан хүн үзсэн” гээд ярилцлага өгч байсан юм. Энэ манай хамтлагийн
хувьд мартагдашгүй сайхан дурсамжуудын эхлэл байсан. Бид анхны тоглолтын бүх бэлт­гэлийг
“Варьете” чуулгын байранд хийж байсан болохоор Донид даргадаа талархаж явдгаа илэрхийлье.
Бидний тэр үед бэлтгэл хийдэг байсан өрөө одоо манай “Эмийн сан руу алхсан нь” дууны
клипэнд гардаг юм.

-Та уг нь анх уянгын
дуу дуулж байсан. Гэнэт яагаад рок хөгжмийн урсгалаар дуулах болов?

-Би Л.Байздагийн
“Анхны хайр”, “Салхи” хамтлагийн “Нандин хайр”, “Гурван бүдүүн” хамтлагийн дуулж
байгаа “Шиврээ бороо” гэх мэт 20, 30 дууг зургадугаар ангиасаа хойш зохиосон л доо.
1995 оны аравдугаар сард модернист яруу найрагч Б.Галсансүхтэй танилцсанаар рок
хөгжмийн ид шидэнд бүрэн автсан даа. Намайг рок хөгжим рүү уруу татсан хүн тэр.

-Анхны дуу чинь
юу билээ. Таныг зохиосон гэдэг байх аа?

-Би зургадугаар ангид
байхдаа “Мөрөөдөл” дуугаа зохиож байсан. Түүнээс хойш олон дуу бүтээсэн. Тэгээд
ч залуу насны минь утга учир “Нисванис” хамтлагт маань шингэсэн учраас дандаа шинийг
хийж, бүтээхийг зорьдог.

-Танай хамтлагийн
фэн клуб хэр идэвхтэй ажилладаг вэ?

-Лхамаа тэргүүтэй
фэн клубийнхэндээ маш их баярлаж явдаг шүү. Манай фэн клуб ажиллагаагаараа бусад
адил төстэй клубүүдээс үнэхээр илүү. Тэдний урам зориг итгэл бидэнд үргэлж шинэ
эрч хүч өгч байдаг. Тиймдээ ч энэ хамтлаг өдий зэрэгт хүрсэн байх гэж бодож байна.
Шүтэн бишрэгчтэй байх их сайхан санагддаг. Гэхдээ хүмүүсийн хүндлэлийг дааж явна
гэдэг хэцүү даваа. Би энэ хүндлэлийг дааж явах гэж хичээдэг. Ер нь бол намайг нэг
их айхтар шүтэн бишрээд байх нь хаашаа юм. Биднийг ойлгодог, дэмждэг хүрээ бий болсонд
баяртай байдаг. Манай хамтлагийн фэн клубийнхэн биднийг үргэлж урмаар тэтгэж байдаг
юм. Тиймээс урагш нь явуулж, заримдаа шүүмжилж, алдаа, оноог минь хэлж засч залруулдаг.
Гудамжинд огт танихгүй хүн таараад мэндлэх нь сайхан байдаг.

-Та их өвөрмөц
сөөнгөдүү хоолойтой. Төрөлхийн ийм хоолойтой юу, эсвэл зориуд ингэж дуулдаг юм уу?

-Удамшдаг байлгүй
дээ. Багадаа их тамхи татдаг байлаа. Тавдугаар ангиасаа гарсан. Архаг бронхиттой
болсноос нөлөөлсөн юм болов уу.

-Танд гитарын цуглуулга
байдаг гэж сонссон. Хамгийн үнэтэй гитар тань хэдэн төгрөгийн үнэтэй вэ?

-Одоо надад дажгүй
гитарууд бий. Зургаа, долоон гитартай. Дээд тал нь 2500 ам.долларын үнэтэй шүү.

-Гэр бүлийн амьдрал
зохиогоод нэлээд хэдэн жил боллоо. Хэдэн хүүхэдтэй вэ, гэргий тань юу хийдэг хүн
байна, хэрхэн танилцаж байв?

-Манай гэр бүлийн
хүн Радио, телевизийн дээд сургууль төгссөн жүжигчин, хөтлөгч мэргэжилтэй хүн. Т.Алтанзул
гэдэг бүсгүй бий. Одоо хөөрхөн охинтойгоо гурвуулаа амьдарч байгаа. Бид хоёрын танилцсан
түүх их сонин. Найзыгаа дагаад манай тоглолтон дээр ирдэг байсан юм. Манай хүн удахгүй
уран бүтээл гаргах байх. Эхнэрийгээ электро стилээр бэлдэж байгаа. Их авьяаслаг
бүсгүй бий. Чадах чинээгээрээ дэмжихийг хичээдэг.

-Сүүлийн үед гарч
ирж байгаа рок хамтлагуудын талаар та ямар бодолтой байдаг вэ. Дажгүй хамтлаг байна
уу?

-Байна аа байна. Сүүлийн
үеийн шинэ хамтлагуудын чанар сайжирсан. Гэхдээ сэтгэл дундуур байдаг нэг зүйл бий.
Монгол, гадаад нь мэдэгдэхгүй маяглаж дуулдаг нь ерөөсөө таалагддаггүй. Бусад талаараа
бол болж байгаа. Олон стиль жанрын хамтлагууд төрж байгаа нь Монголын амьд хөгжмийн
шат шатаар хөгжиж байгаагийн илрэл мөн биз дээ. Одоо “Lego” хамтлаг гайгүй байна.

-Таныг тэмдэглэлийн
дэвтрийн хорхойтон гэдэг юм билээ. Дэвтэр бэлэглэсэн хүн олон уу?

-Тийм ээ. Хүн надад
дэвтэр бэлэглэхээр их баярладаг. Шинэ, хуучин олон дэвтэр байдаг ч шунал минь дарагддаггүй
юм. Үүнийг найз нөхөд маань мэддэг болохоор гоё, гоё дэвтэр бариад л ирдэг.

-Яагаад тэмдэглэлийн
дэвтэр сонирхдог юм бэ?

-Ганцаардаж байхад
минь нөхөр болж, сэтгэлийг маань хуваалцдаг дэлгээтэй толь шиг санагддаг. Түүний
ачаар шинэ бүтээл төрдөг болохоор миний сэтгэлд ойр байдаг юм болов уу. Дэвтрийнхээ
шинэ хуудсыг нээж, энэ цаасан дээр юу бичигдэх бол гээд ширтээд сууж байх сайхан
мэдрэмж шүү.

-Зургадугаар ангиасаа
шүлэг бичсэн гэхээр нэлээд олныг бичсэн байх. Хамгийн сайхан санагддаг шүлгээ нэрлэвэл?

-Санаанаас гардаггүй
нэг шүлэг бий. Манай Эрдэнэтийн Баян-Өндөр уулын хормойд өнчин хус байдаг байсан.
Би тэрний тухай урт шүлэг бичсэн санагддаг юм. Аав маань түүнийг уншаад “Манай хүү
“Өнчин хус” нэртэй найраглал бичсэн” гээд хүмүүст ярьдаг байж билээ. Би баярласан
ч дотроо их ичдэг байсан. Гэр бүлийнхэн маань надад урам зориг хайрладаг байжээ.
Түүгээр л урлагийн замд орсон доо.

-”Эмийн сан руу
алхсан нь” дууг бүгд мэднэ. Дуу төрсөн түүхээсээ хуваал­цаач?

-1997 он есдүгээр
сарын 27-нд зохиосон юм. Нэг өдөр хоёр дуу зохиогдсон байдаг. Нөгөөх нь дуучин Б.Сарантуяагийн
дуулдаг “Мэдэхгүй” дуу.

-”Нисванис үргэлжлэл
бий” номыг 15 жилийнхээ ойгоор гаргаж байсан. Ирэх жил 20 жилийнхээ ойгоор үргэлжлэлийг
нь гаргах уу?

-Хамтлагийнхаа 15
жилийн ойд зориулж өөрийн зохиосон 100 гаруй дууны үг, шүлэг, хамтлагийн түүхийг
дэл­гэрэнгүй өгүүлсэн ярилцлага, дурсамжийг нэгтгэсэн ном гарган “Нисванис үргэлжлэл
бий…” гэж нэрлэсэн. Хүн заа­вал ном гаргах ёстой гэдэг утгаараа гаргаж байлаа.
Үргэлжлэлийг магадгүй 30 жилийн ойгоороо гаргавал зүгээр байх. Ирэх жил гаргахаар
хугацаа нь арай богино байх аа.

-Танай хамтлаг
аль клубүүдэд дуулдаг вэ?

-”Их монгол”, “Их
ноёд”, “Крона”, “Winsway” амьд хөгжмийн клубүүдэд хуваарийн дагуу дуулдаг.

-Бэлтгэлээ хаана
хийдэг вэ?

-Би “Улаанбаатар чуулга”-тай
хамтарч ажил­ла­даг. Чуулгын дарга рок Р.Мөнхсайхан ах манай хамт­лагийг сайхан
дэмжиж байгаа. Манайх гэлтгүй олон хамтлагийг дэмжиж тэнд бэлтгэл хийлгэж, тоглолтыг
нь зохион байгуулдаг.

-Урын сандаа хэдэн
дуутай вэ. Цомгийн хувьд ялгаа бий юу?

-Гурван цомог гаргасан.
Нэг дэх нь 18 дуутай. Одоо дөрөв дэх цомог нь бэлэн болчихоод байна. Цаг хугацаа
орсон болохоор ялгаа байдаг. 1999 онд гарсан анхны цомог маань “Сургууль нураасай”,
“Эмийн сан руу алхсан нь” гээд сахилгагүй хөвгүүний бодол байх шиг. Хоёр дахь нь
“Саарал үе” гээд жаахан намба суусан байдаг. Гурав дахь нь “Нисдэг таваг”, “Улаан
хэрүүлч” гээд нэлээд амьдралын туршлага суусан цомог болсон юм шиг санагддаг. Хөгжим
талаасаа өөрчлөлт гараагүй. Манайх альтернатив металл, пост гранж, панк гурван стилийг
хольж тоглодог. Одоо ч энэ чиглэлээрээ л дуулж байгаа.

-Удахгүй шинэ цомог
гаргах гэж байгаа гэсэн үү?

-Дашка ахын студи
дээр цомог маань бэлэн болчихоод байгаа. Эдийн засгийн асуудлаа шийдчихвэл намар
хүмүүс цугласны дараа шинэхэн цомгоо гаргахаар төлөвлөөд байна. Есдүгээр сард гаргачих
байх.

С.АРИУНЖАРГАЛ

Э.АНУУЖИН

Categories
мэдээ соёл-урлаг

Н.Наранбаатар: Дуучин болох миний багын мөрөөдөл

Улсын Филармоны гоцлол дуучин
МУСТА Н.Наранбаатартай ярилцлаа.

-Та ямар мэргэжилтэй билээ. Хэдэн
онд сургуулиа дүүргэж байв?

-2004 онд Хүмүүнлэгийн ухааны их
сургуулийн аялал жуулчлал, япон хэлний ангийг төгсөж байлаа. Мөн тэр онд
“Nature sound” төвд анхны элсэгч болоод шилдэг төгсөгч болж байсан. Түүнээс
хойш 2011 он хүртэл студидээ дуучнаар ажилласан. Тухайн үед студид ажиллаж
байхад бүх төрлийн жанраар дуулдаг хүмүүстэй хамтарч дуулж үзсэн. Мөн хүмүүсийн
50-60 CD хийлцэж байлаа. Энэ нь томоохон туршлага болсон.

-Улсын филармонид яаж орсон юм
бол?

-2012 оны дөрөвдүгээр сарын 14-нд
Тусгаар тогтнолын ордонд бие даасан жазз оркестр тоглолт хийсэн юм. Тухайн үед
Улсын филармонийн удирдлагаас ирж үзээд надад филармонид орох урилга өгсөн.
Тэгээд л 2012 оны есдүгээр сараас ажиллаж эхэлсэн.

-Яагаад мэргэжлээрээ ажиллаагүй
юм бэ?

-Дуучин болох миний багын
мөрөөдөл. Миний аав Баянхонгор аймгийн соёлын төвийн захирал байлаа. Тухайн үед
“Од” хамтлагт гитар тоглож байсан юм. Гитараас гадна даралтат хөгжим тоглодог.
Ээж минь ч бас бүжиглэдэг, дуулдаг хүн. Миний урлагт дурласан нь үүнтэй
холбоотой байх. Багаасаа л аавынхаа дуулахыг харж өссөн. Мөн Францын классик
дуучдыг харж тэдэн шиг үнэ цэнтэй дуучин болно гэж боддог байсан. Мөрөөдлөө
биелүүлээд байгаадаа баяртай байгаа.

-Ер нь жазз дууг яагаад сонгох
болов?

-Би классик, поп чиглэлийн дуу
дуулах дуртай. Жазз бол сэтгэлгээний урлаг гэж хэлж болно. Ийм чиглэлийн уран
бүтээл аливаа хүнд сэтгэлийн таашаал өгч чаддаг. Хөгжимчин болоод дуучнаас асар
өндөр мэдрэмж, ур чадвар шаарддаг шүү.

-Урын сандаа одоо хэдэн дуутай
болсон байна. Анх ямар дуу дуулж байв?

-Өөрийн гэсэн 20 гаран дуутай
болсон байна. Анх 2005 онд “Чиний зүг” гээд поп дуу дуулж байлаа.

-Хэд хэдэн киноны дуу дуулсан
байх аа?

-Тийм шүү. “Хоёр шөнө гурван
өдөр”, “Танхай тээгч”, “Хуримын срюприз” кинонууд болон “Энэ бол гайхамшигтай”
жүжгийн дууг дуулсан байна.

-Та бие даасан CD гаргасан уу.
Дуучин Ц.Хулантай хамтарч тоглолт хийж байсан байх аа?

-Удахгүй өөрийн бие даасан хоёр
дахь CD-гээ гаргахаар төлөвлөөд байна. “Hot spot” хамтлагт байхдаа ретро поп
урсгалаар нэг CD гаргаж байсан.

Харин жил болгон тоглолт хийдэг
уламжлалтай болоод байгаа. Сүүлийн гурван жил тоглолтоо хийсэн байна. Жазз
дуугаа томоохон оркистртой дуулдаг. Нэг тоглолтоо дуучин Ц.Хулантай хамтарч
хийсэн. Тэр тоглолт маань үнэхээр сайхан болж байлаа. Ц.Хулан гайхалтай
чадварлаг дуучин. Хамтарч ажиллахад таатай байсан.

-CD-ндээ ямар дуунууд оруулж
байгаа вэ. Голдуу цоглог хэмнэлтэй дуу дуулаад байгаа харагддаг?

-Энд тэнд шоунд очвол үзэгчдээ
хөгжөөхийн тулд мэдээж цоглог дуу дуулна. Намуухан хэмнэлтэй дуу дуулалгүй
яахав. Нэг CD-гээ монгол, гадаад дуугаар гаргах байх. Нөгөө CD-ндээ ардын
дуунууд оруулж байгаа. CD-ний бичлэгээ солонгос, австри, германы мэргэжлийн
хөгжимчдийг авчирч хийсэн. Эхний CD маань наймдугаар сард гаргах байх.

-Та гэр бүлээ танилцуулаач. Таныг
хэр сайн дэмждэг вэ?

-Миний ханийг Энхмарал гэдэг.
Гадаад харилцааны мэргэжилтэй. Бид хоёр одоогоор нэг хүүхэдтэй байна. Тун
удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байна. Урлагт амжилт гаргана
гэдэг гол хүч нь ар гэр байдаг. Бүх зүйл гэр бүлийн хүний маань дэмжлэгтэй
сайхан бүтдэг.

-Жазз дуулахаар хүмүүс хэр хүлээж
авдаг вэ?

-Жазз сонсдог хүрээлэл нь өөр л
дөө. Ерөнхийдөө мэргэжлийн чадвар шаарддаг урсгал. Тиймээс хөгжмийн боловсролтой
хүмүүс сонсдог.

-Дууны үг, клип тань бусдаас
ялгарахаар байдаг. Клипнийхээ санааг яаж гаргадаг вэ?

-Уран бүтээлч хүн өөрийн санааг
гаргаж байж бусдаас ялгарна. Ер нь миний дуунаас миний үзэл бодлыг харж болно.
Мэдээж дууны үг маш чухал. Дууны шүлэг бичдэг найз нөхөдэйгөө л сайн ярилцаж
байгаад бичүүлдэг юм.

-Таны амьдралдаа баримталдаг
зарчим юу вэ?

-Хүн хүн шиг байх ёстой. Хүн
болно гэдэг урт хугацаа шаардана. Их юм үзэж алдаж, онож байж хүн чанартай
болдог байх. Ярьсан зүйлээ хийдэг байх. Ярьж байгаа зүйл нь үйлдэлтэйгээ
нийцсэн байх ёстой гэж боддог. Аав маань ч намайг зөв бай гэж захидаг юм. Хүн
оюун санаагаа удирдаж чадвал зөв зарчмаар явах ёстой гэж олон улсын шинжлэх
ухаанаар хүртэл баталчихсан шүү дээ. Би хүний сайнтай нь нөхөрлөдөг. Сайн хүн
гэдэг утгаар нь биш. Муу хүнд ч сайн чанар байгаа гэдгийг харах хэрэгтэй. Хувь
хүн талаас нь түүний сайнтай нь нөхөрлөдөг.

Мөн хүнд баруун, зүүн гар гэж
байх ёсгүй. Хүмүүс солгой гараараа хийсэн гэдэг шүү дээ. Тийм юм байж болохгүй
л гэж боддог. Хүний итгэлийг алдаж болохгүй шүү дээ. Миний ингэж төлөвшсөн
байдал өвөө, аав, ээжийн минь байгаль дэлхийг, хүнийг яаж хайрлахыг зааж өгсөн
хүмүүжил шүү дээ.

-Нөхөрлөлийг та юу гэж боддог вэ?

-Олон жилийн хугацаанд шалгарч
үлддэг зүйл. Найз гэдэг найдаж, итгэхийн нэр. Зовсон ч, жаргасан ч үргэлж хамт
байвал нөхөрлөл тэр. Гайгүй сайн байхад нь хамт байчихаад л жаахан гундуухан
үеийг нь хуваалцаж чадахгүй бол тэр чинь нөхөрлөл биш. Нөхөрлөлийг цаг хугацаа
л харуулдаг. Найз, нөхөр хүний амьдралд гол орон зайг эзэлдэг чухал зүйл.

-Найзуудынхаа дурсамжаас
хуваалцаач?

-Сургуулиа төгсдөг жилээ
Сүхбаатарын талбай дээр хоёр дотны найзтайгаа алхаж байсан юм. Тэгтэл “Даашка”
студи байгуулагдаж байгаа юм байна, чи ор гээд хоёр найз маань явъя гэсэн. Би ч
энэ жилдээ больё гэсэн чинь хоёр найз маань намайг чирч аваачаад оруулж байсан.
Зүгээр ч үгүй бэлтгэл нь дууссан байхад ярьж байгаад оруулж байлаа. Ингэхээр
найзууд маань намайг үнэхээр сайн мэддэгийн дээр миний мөрөөдлийг биелүүлэх гол
түлхүүр болж байлаа.

-Монголд жазз хөгжим ямар түвшинд
явна вэ?

-Монголд жазз хөгжим 1950-аад онд
тоглож эхэлсэн байдаг. Энэ нь Д.Лувсаншарав гуайн “Би чамд хайртай” дуугаар
харагддаг юм. Үнэхээр сайхан жазз дуу шүү. 60,70,80-аад оны дууны үг, ая, утга
санаа гайхалтай авцалдсан байдаг. Одоо эргээд жааз сонсоод хуучнаа сонсож
байгаа. Би энэ дууг бүх зөвшөөрлийг нь аваад CD-ндээ оруулахаар төлөвлөөд
байгаа. Залуус бид өнгөрсөн үеэ мартах учиргүй. Байгаагүй юмыг бүтээчихсэн юм
шиг байх хэрэггүй гэж боддог. Ахмадууд маань бас залуу үеэ дэмжих хэрэгтэй.
Өнгөрснөө мартахгүй, ирээдүйгээ харах ёстой. Сор хүмүүс хийх зүйлээ хийгээд тэр
нь домог болоод үлдчихсэн байгаа. Одоо орчин үеийн залуус бидэнд тэднийг авч
явах хариуцлага үлдсэн. Үүнд бид л чухал үүрэг гүйцэтгэнэ.

-Монголд сонгодог урлаг хөгжиж байгаагийн
илрэл болж саяхан Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нар олон улсын тэмцээнд хүндтэй
байр эзэлчихлээ?

-Урлагаар улс орны хөгжил
харагддаг. Нэг үеэ бодоход манай улс урлагаа сайхан дэмждэг болсон байна.
Саяхан дэлхийн түвшинд хүрсэн Э.Амартүвшин, Г.Ариунбаатар хоёрыг сайхан дэмжиж
байна. Тэд ч ур чадвараараа сайхан гарч ирлээ. Монгол Улс 2015 онд Олон улсын
тэмцээнээс сонгодог урлагаараа гурван гранпри авлаа шүү дээ. Нэг нь би.
Өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд Буриад улсад Олон улсын страд дуулаачдын тэмцээнд
гранпри шагнал авсан байгаа. Тус тэмцээнд Солонгос, Хятадын олон сайхан залуу
дуучид орсон. Тэднээс их зүйл суралцаж байна. Амжилттай, олз омогтой байгаа.
Мэдээж энэ хоёртойгоо барьцаад байгаа юм биш. Одоо л страд, сонгодог урлаг
хөгжиж байна гэдгийн илрэл.

-Та олон улсын тэмцээнээс гадна
өөр ямар амжилт гаргаад байна вэ?

-Өнгөрсөн жилийн рок попынхны
шинэ жилээр шилдэг залуу дуучин болсон. Энэ нь миний хувьд пентатоникын шагнал
шиг л санагдсан. Мөн энэ жил Улсын филармониос намайг МУСТА болгосон юм.
Битүүний өдөр БСШУЯ-нд очиж сайдаас гардан авсан. Энэ цол үнэхээр том хүндэтгэл
байсан. Энэ нь миний хувьд чи цаашаа улам илүү ажиллах ёстой гэсэн ташуур
болсон. Тэгэхээр өөрийгөө илүү нээж, боловсруулах ёстой болж байна.

-Өөр тэмцээн уралдаанд орох уу. Цаашдаа
та юу хийхээр төлөвлөөд байна?

-Намар Япон улс руу олон улсын
дууны тэмцээнд оролцохоор явах байх. Урилгаа ирүүлсэн байгаа. Намар хоёр CD-гээ
гаргана. Мөн энэ намар бие даасан тоглолтоо хийх санаатай байна. Чанартай
тоглолт хийхийн тулд сайн хөдөлмөрлөж байна даа.

Categories
мэдээ цаг-үе

Ш.НАРАНЧИМЭГ: Би 2007 оны тэргүүн Нансалмаа болж Байлаа

Улсын
дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан
Ш.Наранчимэгтэй ярилцлаа.

-Наадмаар
Чингисийн талбай дээр “Учиртай гурван толгой” дуурь тавиг­даж та Нансалмаагийн
дүрд тоглосон. Өмнө нь Нансалмаагийн дүрд тоглож байсан уу?

-Өмнө нь
Нансалмаагийн дүрд дуулж байсан. 2007 оны тэргүүн Нансалмаа болж байлаа. Талбай
дээр тоглогдох “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн сонгон
шалгаруулалт болоод би сонгогдсон. Дуулж байсан болохоор нэг их хэцүү
байгаагүй. Ялгаа нь гэвэл тайз том байсан учраас жаахан эвгүй байсан л даа.
Мэдээж анх удаа гадаа тоглож байгаа болохоор микрофон маань дуугарах болов уу,
морь маань үргэчих юм биш байгаа, тайзан дээр алдаа гарах вий гэсэн эмээлт
байсан. Мөн тайз тойрч гүйж байгаад амьсгаадах вий дээ гэж бодож байлаа. Мэдээж
үүнийг жүжигчин хүн учраас бүгдийг зохицуулах ёстой байдаг. Тоглолт маань их
сайхан болж өнгөрсөн.

-Олон
удаа Нансалмаад тоглоход хамтрагчид чинь өөрчлөгдөж байсан байх?

-Би их
олон Юндэнтэй дуулсан. МУАЖ А.Дашпэлжээ, МУГЖ М.Болд нартай дуулж байсан юм
байна. Сая талбай дээр тоглогдсон “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд МУГЖ
Э.Амартүвшин тоглосон.

-Гэр
бүлд чинь урлагийн хүн бий юу. Яагаад урлагийн хүн болсон бэ?

-Би
Баянхонгорын Богд сумын хүн. Аав, ээж маань нутагтаа сайхан дуулдаг хүмүүс.
Гэхдээ яг урлагаар явсан хүн байхгүй. Би анх удаагаа гэр бүл, хамаатан садныхаа
хувьд дуучин болсон хүн. Ёстой л бор зүрхээрээ олон жил хичээсний эцэст л энэ
зэрэгт хүрсэн дээ. Хөгжим бүжгийн коллеж, СУИС-т суралцаж төгсөөд Итали руу
мэргэжил дээшлүүлээд ирсэн. Энэ мэргэжлээрээ тууштай явж байна даа.

-Их
дурлаж орж дээ?

-Дурлалгүй
яахав. Хүүхэд байхдаа л урлагийн үзлэгт ороод тэргүүн байрыг нь авчихдаг
байсан. Жаахан дуулчихдаг хүүхэд байлаа. 1995 онд аав минь хөтөлж авчраад
Хөгжим бүжгийн коллежид оруулж байсан. Яг дуурийн дуучин болно гэж бодоогүй
байсан юм. Өөрөө дуулаачаар олон жил сурсан учраас мэргэжлийн дуучин л болох
ёстой юм байна гэж бодсон. Долоо найман жил сурчихаад зүгээр нэг дуу дуулах надад
нэг л чамлалттай байгаад дуурийн урлагт хүчээ сорьж үзмээр санагдсан. Дээрээс
нь Баянхонгороос Дуурийн театрын тайзнаа дуурь дуулж байсан хүн бараг байхгүй.
Би анхны гэдэг утгаараа нутаг орныхоо нэр усыг гаргая гэж бодсон. Баянхонгороос
ийм дуурийн дуучин төрсөн шүү гэж нутаг орныхон минь яриг гэж бодоод дуурийн
урлагт хүчээ сорьсон доо.

-Одоо
нутгийнхан чинь бүгд мэднэ биз дээ?

-Тийм.
Эхлээд л хамаатан садангууд маань чи ер
нь юу дуулдаг юм бэ ерөөсөө дуулж харагдахгүй юм гэдэг байсан. Аав, ээж хоёр маань
намайг өмөөрөнгүй манай охин өөр юм дуулдаг гэдэг байлаа. Би болохоор ажлаа
хийж байгаа л гэдэг байсан. Одоо бүгд мэддэг болчихсон. Их сайн ойлгоно. Чи ч
шантрахгүй явсаар байгаад л гараад ирлээ дээ. Их хэцүү мэргэжил юм. Ар гэр
хамаг амьдралаа хаяад явна гэдэг хэцүү шүү дээ гэдэг байсан. Үнэхээр л гэрийн
эзэгтэй хүн гэртээ хоол хийх ёстой байтал Дуурийн театрт тоглолттой, ажилтай
байж байдаг. Аав, ээжийнхээ буянд ар гэрийнхээ бүх ажлыг даатгачихаад л ажлаа
хийгээд явж байна.

-Урлагийн
хүнд гэр бүлийн хүн чухал. Гэр бүлийнхнээ танил­цуу­лаач?

-Би нэг
хүүтэй. Амьдрал маань жаахан хэцүү байсан. Одоо шинэ амьдрал эхлүүл­чихсэн.
Хоёр дахь амьдрал маань сайхан байна. Гэхдээ ажлаа хийгээд дахиад хүүхэд гаргаж
амжаагүй байна.

-Та
хэзээ сургуулиа төгссөн бэ. Хэдэн дуурийн гол болон туслах дүрд тоглосон байна
вэ?

-Хөгжим
бүжгийн коллежийг 1999 онд төгссөн. 2003 онд СУИС-ийг дуурийн дуулаачийн
мэргэжлээр төгсөөд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт орж байлаа. Театрт хоёр
жил ажилласны дараа Итали руу мэргэжил дээшлүүлэхээр зургаан сар явж ирээд
одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Теарт ороод олон жил болсон болохоор
20-иод дуурийн гол болон туслах дүр бүтээжээ.

-Монголын
сонго­дог урлаг дэлхийд танигд­чих­лаа. Г.Ариунбаатар, Э.Амартүвшин хоёр өөрс­дийгөө
харууллаа. Эмэгтэй дуучдад энэ боломж хэр байдаг вэ?

-Боломж
байлгүй яахав. Миний уралдаанд ордог нас маань өнгөрсөн. Дэлхийн том
уралдаанууд 30, 33 гээд нас заачихсан байдаг юм. Ажлаа хийгээд дууриа дуулж явж
байгаад хоцорчихсон. Дуурийнхаа театрт дуулаад явж байгаа болохоор би тэрэнд
нэг их харамсаад байдаггүй л дээ. Монголын дуурийн урлаг, балетын урлаг дэлхийд
их мундаг байр суурьтай байдаг. Монгол Улс гэхээр нүүдэлчин цыганууд шиг сонин
амьдардаг хүмүүс гэж боддог юм шиг байна лээ. Италид суралцдаг байхад Монгол
гэхээр ямар ч мэдэгдэхүүн байхгүй байсан. Монгол гэж ямар улс байдаг юм гээд
гайхахаар нь Чингис хаан гэхээр аан гэх жишээтэй л байлаа. Одоо бол Монгол Улс
тийм биш. 300 гаран жил дуурийн урлаг хөгжсөн газрыг бодвол манайх 40-50 жил
хөгжиж байгаа ч гэсэн өндөр хөгжилтэйд тооцогддог. Тэр дундаа СУИС, Хөгжим
бүжгийн коллеж төгссөн хүүхдүүд том шагнал авч байна шүү дээ. Г.Ариунбаатар
Чаяковскийн нэрэмжит шагнал, гранприг аваад ирлээ. Э.Амартүвшин Кардифаас
гранпри авлаа. Кардиф бол дэлхийн залуу дуурийн дуучдын тэмцээн шүү дээ.
Монголын Дуурийн урлаг дэлхийд гарчихлаа. Ийм амжилт гаргасанд дуурийн театрын
хамт олон маань маш их баяртай байгаа. Дуучдаараа бахархаж, омогших сэтгэл төрж
байгаа.

-Таны
хувьд ямар дуурьд тоглохыг мөрөөддөг байв?

-Миний
мөрөөдөл “Аида” дуурь байсан. “Аида” маань тоглогдож би дуулсан. Монголын
дууриудаас “Ламбугайн нулимс” дуурь надад их сайхан санагддаг. Бас “Учиртай
гурван толгой”, “Чингис хаан” дуурь гээд сайхан дууриуд бий. Би бүгдийг нь
дуулсандаа сэтгэл хангалуун байдаг. Одоо надад хоёр мөрөөдөл байна. Ойрын үед
“Турандот”, “Тоска” дуурь хоёрт л тоглочихмоор байна. Хүсэж мөрөөдөж байгаа
зүйл тэр л байна.

-Урлагийн
хүнд үзэгч­дийн алга ташилт урам болдог. Таныг анх орох үетэй харьцуулахад
одоогийн үзэгчдийн ялгаа юу байна?

-Ерээд
онд дуурь тоглог­дох гээд бэлэн болчихоод байхад үзэгчдийн суудал дээр дөрөв,
тавхан хүнтэй байдаг байсан. Цөөхөн хүнтэй байна өнөөдөртөө больё гээд болих үе
ч байлаа. Цаг үеэ дагаад улс орон маань хөгжиж байгаагийн хэрээр хүмүүс маань ч
гэсэн сонгодог урлагийг их сайхан ойлгодог болсон шүү. Одоо Дуурийн театр
үзэгчдийн суудал дүүрэн тоглолт хийдэг болсон.

-Дуурийн
дуучид нэлээд залуужсан уу?

-Нэг
үеийн дуучид солиг­доод өөр нэг үеийн сайхан залуу дуучдаар сэлгэгдчихсэн
байна. Бүгдээрээ сонсголонтой сайхан хоолойтой залуус бий. Цаг үеэ дагаад бүх
хүмүүсийн чадвар дээшилж байна. Монголын Дуурийн театр сайхан хоолойтой, мундаг
залуусаар хахчихсан байна.

-Та
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт ороод хэнээс үлгэр дуурайл авдаг байв?

-Намайг
анх ороход ардын жүжигчин А.Долгор, Б.Жав­зандулам, А.Даш­пэлжээ, Ч.Мөнхшүр,
гавьяат жүжигчин Б.Цэцэгээ, Ц.Түвшин­төгс, Х.Үнэн­хүү нарын мунд­гууд байсан.
Дөнгөж орчихсон хувцсаа ч өмсөж чадахгүй, хөмсгөө ч зурж чадахгүй, яаж будахаа
ч мэдэхгүй байсан үе саяхан. Намайг ороход байсан мундгуудаас бүгдээс нь
суралцсан. Тийм дуурь ингэж тоглогдох учраас ингэж буд гэж зөвлөхөөс эхлээд
суралцаж байлаа.

Нүүр
будаг, хувцас өмсүүлэх, үс янзлах гээд бүгд тусдаа хүмүүс байдаг ч гэсэн айж,
эмээгээд өөрөө хийх гэж хичээнэ. Яарсан сандарсан үед бас өөрөө хийж чаддаг
байх ёстой л доо. Мундаг хүмүүсээс маш их үлгэр дуурайл авдаг байсан. Тэрнийхээ
ачаар Дуурийн театрт одоог хүртэл дуулаад явж байна.

-Дуурийн
дуучид ямар хэлтэй байх ёстой вэ. Сонгодог дууриуд голдуу итали хэл дээр байдаг
байх аа?

-Голдуу
итали хэл дээр дуулагддаг болохоор бүгд итали хэлний суурьтай. Зуны амралтаараа
хүртэл итали хэлний сургалтад сууж л байдаг. Өөрийнхөө дуулж байгаа дууриа
ойлгодог байх ёстой шүү дээ. Европт очоод дуулахаар бүх хүмүүс англиар ярина,
англи хэл хэрэгтэй. “Евгений Онегин” гээд орос дуурь тавьдаг учраас орос хэл
мэдэх шаардлагатай. Монгол дуучид хэл маш сайн сурдаг итали хүмүүсээс
дутахааргүй ярьдаг. Орос, Солонгос, Хятадууд “л”, “т” үсэг хэлж чадахгүй жаахан
аялгатай хэлээд байдаг юм.

-Багшийнхаа
талаар яриач?

-Би
гавьяат А.Бүтэдийн шавь. Багш маань яг л миний ээж шиг хүн. Би 16 насандаа
Хөгжим бүжгийн коллежид багш дээрээ ирж байсан. Саяхныг хүртэл манай багш Улсын
дуурь бүжгийн эрдмийн театрт дасгалжуулагч багш хийсэн. Одоо 70 хүрсэн хүн бий.
Шавь нараа өөрийнхөө хүүхэд шиг хайрлана. Оюутан байхдаа ч гэрт нь очоод
хичээлээ заалгаад хоол хийлгэж иддэг байлаа. Багш маань дуулахаас гадна
амьдралыг хүртэл заана шүү. Гэртээ хариад ээжийнхээ хоолыг идээд, ажил дээрээ
ирээд багшийнхаа хоолыг иднэ. Өнөөдөр багшийнхаа заасан замаар л ажиллаж байна.
Багшийнхаа суудаг өрөөнд, хэрэглэж байсан дээл хувцсыг нь өмсөөд ажиллах сайхан
байдаг.

-Та
өөрөө багшлах уу?

-Тав,
зургаан жилийн дараа багшилна гэж бодож байгаа. Одоо надад эрчимтэй арван жил
дуулах нас байна. Арван жил сайхан дуулчихаад багшилна даа. Би амралтынхаа хоёр
өдөр Хөгжим бүжгийн коллежид очиж хөгжимчин хүн дуучин хүнтэй яаж харьцах вэ
гэдэг хичээл заадаг. Ерөнхийдөө багшлах сууриа тавиад Хөгжим бүжгийн коллежид
очиж багшилдаг юм.

-Дуучин
хүнд хоолой чухал. Та хоолойгоо яаж хамгаалдаг вэ. Хэдэн цаг бэлтгэл хийх вэ?

-Бид
дандаа л бэлтгэл сургуулилттай байдаг. Ачаалал их үед маш сайн унтаж амрах
ёстой. Хүйтэн юм идэхгүй. Агаар, салхинд гарч даарч болохгүй. Өдөрт дуурь ихтэй
үед өглөө 10-13 цаг хүртэл. 13-14 цагийн хооронд завсарлаад орой 18 цаг хүртэл
бэлтгэл хийнэ. Заримдаа үдээс хойш бэлтгэлтэй. Өдөржин сургуулилттай байх үе ч
бий.

-Өөртөө
хэр цаг зав гаргадаг вэ?

-Гаргана
шүү. Урлагийн хүн гоё, сайхан байх ёстой шүү дээ.

-Дуурийн
дуучин хүн төгс эмэгтэй хүнийг харуулдаг. Энгийн байх үедээ ямар болдог вэ?

-Бид нар
тайзан дээр байнга гоёно. Хүлээн авалт дээр байнга гоёж очиж хүмүүсийн өмнө
гардаг учраас тэр болгондоо анхаардаг. Тиймээс энгийн байх үедээ бүр энгийн
болно. Жинсэн өмд, цамц, намхан гутал, сандаал өмсчихнө. Хүмүүс намайг ерөөсөө
таньдаггүй юм. Чи Дуурийн театрын хүн мөн юм уу, чамайг өндөр том биетэй гэж
төсөөлдөг байсан ийм жижигхэн байсан юм уу гэдэг юм.

-“Учиртай
гурван толгой” дуурийг талбай дээр тог­лоход хүмүүс сонго­­дог урлагийг гудам­жинд
гаргачихлаа гэж шүүмжилсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байна?

-Гудамжинд
гаргачихлаа гэж хэлж болохгүй. Дэлхийн “Турандот”, “Аида” гэх том том дууриуд
гадаа гудамжинд тоглогддог шүү дээ. Мундаг том дуучид Улаан талбай дээр тоглож
л байна. Энэ бол том сурталчилгаа, байх л ёстой зүйл. Улсын дуурь бүжгийн
эрдмийн театр 500 хүний суудалтай. Гэтэл талбай дээр тоглогдсон “Учиртай гурван
толгой” дуурийг 48 мянган хүн үзсэн тоо гарсан. Энэ бол маш том сурталчилгаа.
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Дуурийн театрын удирдлагууд болон
өнгөрсөн наадмын хөтөлбөрийг бэлтгэсэн хүмүүст Дуурийн театрын хамт олон бид
бүхэн маш их баярлаж байгаа. Нэг ч гэсэн удаа бүх хүмүүс үзэг л дээ. Дуурь гэж
юу байдгийг мэдэхгүй явж байгаа хүмүүс бий шүү дээ. Дуурийн театрт орж ирэх
боломжгүй хүмүүс нь ядаж дуурь гэдгийг ойлгох маш сайхан арга хэмжээ долдугаар
сарын 10-нд болсон. Наадмын арга хэмжээ зохион байгуулсан хүмүүс надад маш их
таалагдсан. Хэзээ ч ийм арга хэмжээ болж байгаагүй шүү дээ. Талбай дээр 10-14-нийг
дуустал тав хоног дандаа арга хэмжээтэй байлаа. Залуус эстрадын дуугаа сонсож,
“Дээлтэй Монгол”-д оролцоод, “Учиртай гурван толгой” дууриа үзээд, хүндэтгэлийн
концертоо үзээд явж байгаа хүмүүс үнэхээр сэтгэл хангалуун буцаж байгаа юм шиг
санагдсан. Манайхан талбай дээрээ ирээд шөнийн нэг, хоёр цаг хүртэл дууриа үзэж
байгаад баяртай буцаж байхыг харсан.

С.Ариунжаргал

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өтгөн хатах нь хөгшрөлтийг түргэсгэдэг

Өтгөн байнга эсвэл давтамжтай хатахаас сэргийлэхийн тулд таныг хоол, хүнсээ сонгохдоо анхаарахыг зөвлөж байна. Биед хуримтлагдсан хорт бодисууд хугацаандаа гарахгүй дотор эрхтэнд хямрал үүсгэх нь арьсыг гэмтээж хөгшрөлтийг түргэсгэдэг аж. Тиймээс эрүүл мэнд, гоо сайхандаа анхаардаг хүн бүр өтгөн хаталтаас сэргийлэх хэрэгтэй. Үүний тулд та өглөөний цай, ундаа тогтмол ууж байх хэрэгтэй аж. Өлөн элгэн дээрээ хар чавганы ханд, зөгийн балтай буцалсан ус зэргийг хэрэглэвэл нэн сайн гэж эмч нар зөвлөдөг. Энэ нь өтгөнийг саадгүй гадагшлуулахад тустай байдаг гэнэ. Өтгөн хатахаас сэргийлж хоолны дэглэм сахих нь буруу зүйл биш аж. Харин дэглэм барихдаа голцуу ногоо, жимс, хар талх зэрэг ислэг ихтэй бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг байна. Дэглэм барьдаггүй хэн боловч мах бага хэрэглэж, чавга, байцаа, лууван, цайны жигнэмэг, ногооны зууш идэх нь өтгөн хаталтаас айх аюулгүй болгодог гэнэ.

Ер нь өтгөн хатахаас сэргийлэх хамгийн шалгарсан арга бол дасгал хийх. Хэвлийн төрөл бүрийн дасгалууд ялангуяа дугуй унах нь хэвлийн булчин сайн хөгжиж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг байна. Мөн иллэг ч хийх боломжтой. Хэвлийн баруун доод хэсгээс эхлэн цагийн зүүний дагуу тойруулан өдөрт хэд хэдэн удаа иллэг хийх нь тохиромжтой байдаг ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Улсын харцага Б.Жавхлантөгс: Ерөөсөө шагайны хүн болж дээ. Сайхан хашлага, гоё сум хаана байна гээд л хайдаг болж

Америк дахь монголын шагайн салбар хорооны тэргүүн Улсын дэд мэргэн Б.Жавхлантөгстэй ярилцлаа.

-Та Америкт ажиллаж амьдраад нэлээд хугацаа өнгөрлөө. Таныг тэндээ шагайн холбооны тэргүүнээр ажиллаж байгаа гэж сонссон. Монгол Улсын харцага хүн яагаад шагайнд орчихов оо?

-Би Америкт очоод 11 жил амьдарч байна. Америкт очоод хэдэн жил болж байсан чинь манай нэг дүү ирээд тэнд хүмүүс шагай харвадаг юм байна, хэдүүлээ очиж харвах уу гэсэн. Би ч тэгье гээд хоёр дүүтэйгээ очсон л доо. Паркад очсон чинь цөөхөн хэдэн хүн шагай харваж байсан. Анх сонирхоод шагай харваж үзлээ. Харвасан чинь сум нь хүрэхгүй, онох ч үгүй юм билээ. Би тэр хэдийгээ бодвол спортын хүн юм чинь “Та нар холбоо байгуулаад ажилладаг уу. Данс, санхүү байдаг юм уу” гэж асуусан. Тэгсэн “Бид холбоорхуу нэртэй гэхдээ яг нэр усаа авсан юмгүй. Данс байхгүй” гэдэг юм. Би хоёр дүүтэйгээ нийлээд бид гурав танай шагайнд нэгдэж ороод 50, 50 доллар хандивлая гэсэн. Нөгөөдүүл ч гэсэн бөөн баяр тэг тэг гээд шагайнд орж байлаа. Анх намайг очиход шагай тоглодог тав, зургаан хүн л байсан. Тэр дунд ороод шагай харваад эхэлсэн дээ. Жил гаран болж байсан овоо хэдэн хүн нэмэгдсэн шүү. Тэгээд ерөөсөө бүгдээрээ албан ёсны холбоо байгуулаад гэрчилгээ, тамга тэмдэгтэй болоод цаашдаа жаахан хөгжвөл яасан юм гэсэн санаа хэлсэн. Шагай тоглодог хүмүүс уриалгахан зөвшөөрсөн юм. Шагайнд нэлээд идэвхтэй А.Шижирболд гээд залуу бий. Тэр залуу Улсын баяраар Америкаас энд ирж шагай харвасаар байгаад одоо улсын гарамгай мэргэн цол авчихсан. А.Шижирболд Монголын шагайн холбоо руу утсаар ярьсан чинь дарга нь холбоо байгуулж болно гэсэн л дээ. Та нар хурлаа хий, бид гэрчилгээ, тамга тэмдэг явуулж болно гэсэн. Тэгээд тэндээ хурлаа хийж холбоо, салбараа байгуулсан юм. Бидэнд мэргэжлийн шагайн харвааг заагаад өгөх хүн байгаагүй. Б.Ганболд, А.Шижирболд хоёр л бидэнд шагай харвахыг зааж өгнө. Бусад нь юу ч мэдэхгүй таг хүмүүс. Гэхдээ бүгдээрээ шагайнд их идэвхтэй байсан. Тэгж байтал Америк дахь монголын шагайн салбар хороо гэсэн гэрчилгээ авч, шагайн холбооны дүрэм номыг авсан. Тэгээд намайг холбооны тэргүүн болгож байлаа. Одоо ч гэсэн холбооныхоо тэргүүнээр ажиллаж байна.

-Тэндээ шагайн харвааны цол олгодог уу?

-Бид холбооны гэрчилгээг нь авчихаар бүхэл бүтэн аймгийн статустай болчихож байгаа юм. Дүрэм номыг нь уншихаар бидэнд цол хэргэм авч болохоор байсан. Тэгэхээр нь Монголын шагайн харвааны холбоотой холбогдоод бид аймгийн статустай юм чинь цол хэргэм олгож болох уу гэхэд болно гэсэн. Цол хэргэм өгөх дүрмийг нь уншсан чинь бид чинь цөөхүүлээ шүү дээ. Тухайн үед гурав, дөрвөн л баг гардаг байлаа. Монголын шагайн холбооны дүрмээр явбал гурван жилийн дараа бүх хүмүүс аймгийн цолтой болчих гээд байсан юм. Тиймээс энэ зарчим бас болохгүй юм байна гэж үзээд өөрсдөө тэр зарчмыг бүр хатууруулсан. Хоорондоо ярилцаад цол олгох босгыг нь илүү өндөр болгосон л доо. Сүүлдээ үүнийгээ Монголын шагайн холбоогоор батлуулж авсан юм. Америкт Сан Франциско, Лос Анжелос, Чикаго хотод шагайчид байдаг юм. Тухайн үед Чикаго хотын шагайчид өөрсдөө шагайн холбоо гэсэн бичиг цаас авчихсан байсан. Хоёр газар цол олгох болоод бас жаахан буруудах маягтай болсон л доо. Тэгээд нөгөөдүүлтэйгээ уулзаад нэг холбоо болгоё гэж ярилцаад нэг холбоо болгосон. Одоо нэг холбоо болоод нэлээд хэдэн жил болж байна.

-Америкт шагайн харваа нэлээд хөгжиж байгаа юм аа даа?

-Америкт шагайн холбоо байгуулагдсанаас хойш сайхан хөгжиж л байна. Яг ч монгол шиг хөгжөөгүй л дээ. Гол нь зааж сургах багш нар их ховор байна. Гэхдээ нэг үеэ бодоход сайжирчихсан. Шагайн дүрэм номыг сайн уншина. Бид анх шагай тоглож эхэлж байхад дүрмээ сайн мэддэггүй байсан. нодлин уржнан Монголын шагайн холбоо хуралдаад удирдлагаа солиод шинэ дүрэм баталсан. Тэр дүрэм номноос нэлээдийг авсан. Манайд дүрэм номгүй хүн ховор. Багийн ахлагч нар бүгд дүрэм номтой. Номоо уншаад энэ дээр ингэж заасан байна гээд л үзчихнэ шүү дээ. Бүр дээр үеэс уламжилж ирсэн нарийн зүйлийг бид бараг мэдэхгүй. Одоо бол нэлээд суралцаж байна. Монголоос хүмүүс очно. Өөрсдөө ирж судална гээд хуучнаа бодвол бид илүү дээрдсэн.

Дээр нь Америкт амьдарч байгаа монголчуудын аварга шалгаруулах тэмцээнийг жилдээ нэг удаа хийдэг юм. Тэрийг хийгээд нэлээд олон жил болж байна. Энэ жил аравдугаар сарын 17-нд Чикагод болно. Энэ тэмцээнийг гол шагайчид байгаа газар буюу Чикаго, Сан Францискод жил жилээр ээлжилж хийдэг юм. Тэр тэмцээнээр монголоос өндөр цолтой шагайчид очдог. Монголоос шагайчид явахдаа их сайн дэглэмтэй янз бүрийн зөрчилгүй явдаг юм. Хүн үлдэж хоцорно гэж байдаггүй учраас ер нь жилд Америкийн визэнд орсон болгон нь гарчихдаг. Америкийн шагайн аварга шалгаруулах тэмцээн өнөр өтгөн сайхан болно шүү. Нэг багт зургаагаас есөн хүн байдаг юм. Тэмцээнд үндсэндээ 10-аад баг харвадаг. Энэ амралтын өдрүүдээр Баянгол дүүргийн 50 жилийн ойгоор очиж шагай харвасан. 12 баг оролцож байна лээ. Тэнд өөр дүүргийн хүмүүс орж байгаа шүү дээ. Ер нь шагайг тэр болгон харвая гээд харвачихдаг зүйл биш. Хөлбөмбөг, сагсанбөмбөгийг бараг хүн болгон л тоглож чадна шүү дээ. Шагайг бол чадахгүй, үүнд маш их хөдөлмөр хэрэгтэй. Шагайг Америкийн хэмжээнд нийтдээ 10-аад баг харвана гэхээр өндөр үзүүлэлт. Шагайчид Америкт хэдэн баг гардаг вэ гэж асуудаг, 10-аад байгаа гэхээр гайхдаг л даа.

-Америкт амьдарч байгаа монголчуудын аварга шалгаруулах тэмцээн жилдээ нэг удаа болдог учраас нэлээд дэг журамтай болдог байх даа?

-Тэгэлгүй яахав их дэгтэй болно. Өнгөрсөн жил Америкт шагай үүсч хөгжсөний 10 жилийн ой, мөн шагайн холбоо Америкт үйл ажиллагаагаа явуулж эхэлсний таван жилийн ой болсон. Тэр үеэр Дорноговь аймгийн шагайн салбарын хорооны тэргүүн Отгонбаяр ирсэн юм. Тэгээд энд шагай их сайхан хөгжиж гээд ирэх жилийн тэмцээнийг ивээн тэтгэхээ амалсан. Тэр тэмцээнийг зохион байгуулахад дор хаяж таван мянган доллар зарцуулагддаг юм. Тус шагайныхаа тэмцээнийг хоёр өдөр тэмдэглэдэг. Эхний өдөр нь зааланд багуудаараа тэмцээнээ хийсний дараа шагнал гардуулах ёслол болдог юм. Дараагаар нь хоол ундаа идээд, бүжиг болсны дараа тараад маргааш нь паркад цуглаж, монголчуудаараа хорхог хийж баярладаг. Ер нь манай үйл ажиллагааг Монголын шагайн харвааны холбооноос их дэмждэг. Манайх бас тэр хэмжээгээр нь нэлээд идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж жил бүр оны шилдэг харваач, багаа шалгаруулдаг юм.

-Таныг жил болгоны наадмаар ирж шагайн харваанд оролцдог гэсэн. Танай багийнхан дандаа Америкийн шагайн холбооны хүмүүс үү?

-Сүүлийн үед монголчууд Улсын баяраар ирж шагай яаж сайн харвахыг харж байна. Гэхдээ жил болгон ирэх хэцүү. Уржнан хоёр хүүхэд, эхнэртэйгээ дөрвүүлээ ирсэн. Энэ жил хоёр хүүхэд маань үлдсэн. Ер нь жил болгон ирэхийг хичээж байна. Жил болгон чаддаггүй юм аа гэхэд өнжөөд нэг ирэх бодолтой байна.

Америкийн багийн хүмүүс бүгд ирж чадахгүй шүү дээ. Тэр ч санаагаар болохгүй зүйл. Бичиг баримтгүй харалчихсан хүмүүс бий. Энэ жил хоёр, гурван хүн ирчихсэн байна лээ. Нэг багт доод тал нь долоо эсвэл есөн хүн байх ёстой. Энд ирээд эндхийн багт орж харвадаг. Би энэ жил үлэмж дархан мэргэн М.Нямаа гээд нутгийнхаа дүүгийн багт орж харвалаа. Дүү маань Америкт тавдугаар сард очоод тэнд хэсэг амьдарсан юм. Тэр хугацаандаа шагай харвадаг байсан юм.

-Та одоо шагайн ямар цолтой болсон бэ?

-Уржнан Сэлэнгэ аймгийн үлэмж дархан мэргэн Т.Гантулгын багт орж харваад Улсын дэд мэргэн цол авсан. Улсын аварга юм уу, Улсын наадамд эхний гуравт эхний удаа орвол дэд мэргэн, хоёр удаа орвол мэргэн, гурван удаа бол гарамгай мэргэн цол авдаг юм байна. Тэгээд дээшээ явдаг юм билээ. Үндсэндээ одоо улсын хоёр цолтой болчихоод байгаа юм.

-Америкт яаж нааддаг вэ?

-Парк дээр тэмдэглэх зөвшөөрөл авчихдаг юм. Монголчуудыг төлөөлсөн холбоо гэж байдаг юм. Тэд наадам хийх зөвшөөрөл аваад монголчууд маань өөрсдөө тэр холбоондоо хандив өргөөд хамжиж дэмжиж, элбэж дэлбээд л хийнэ дээ. Америкт хүн нь арай цөөн, морь уралдахгүй л болохоос наадам сайхан болдог шүү. Дээл хувцсаа өмсөөд, нүдээ бүлтийтэл гоёж гоодоод л сайхан наадна даа. Өөрсдөө хоол ундаа бэлдээд ирнэ. Монгол худалдаа гарч, хуушуур буузаа хийгээд зарна.

Тэнд бид тусад нь талбай засч байгаад шагайныхаа тэмцээнийг хийдэг. Мөн үзэгчдийн дундах тэмцээн гээд шагай харвадаггүй хүмүүс дунд тэмцээн зохиогоод оновол бид өөрсдөө бай шагнал урамшууллаа өгдөг юм. Хэн нэг нь шагайг сонирхоод шагайнд орно гэвэл хашлага, сум олж өгнө, бэлэглэнэ. Бидний гол зорилго нь шагайндаа нэг нэгдэхгүй, хоёр хоёрдохгүй хүмүүс оруулах сонирхолтой байдаг юм. Бас тэр болгон санаагаар болохгүй. Хүн болгон тэр бүр шагай руу орчихдоггүй юм.

-Америк хүн шагайг сонирхдог уу. Эмэгтэй хүн тоглодог уу?

-Эмэгтэй хүн тоглодоггүй. Манай тэнд Францис гээд америк хүн шагай харвадаг юм. Тэр хүн их уран. Холливудын кинонуудын дээр үеийн зэр зэвсэг, байлдааны сэлэм, бамбай, жад хийдэг хүн. Өндөр нас тогтчихсон хүн учраас чавх буу гэдэг юмаар харвадаг юм. Чавх буугаа ч их гоё хийдэг. Бид хаяа салхинд гарахдаа эхнэрүүдээ тэр чавхаар буудуулаад өөрсдөө харваж үзсэн. Гэр бүлээрээ шагай харваад хорхог, боодог хийж идээд волейбол тоглох үе бий.

-Шагай харвадаг хүмүүсийн хүүхдүүдээс шагайнд орсон хүн бий юу?

-Аймгийн гоц мэргэн Төмөрчөдөрийн хүүхэд сайхан шагай харвана. Бас аймгийн мэргэн Баяраа гэж залуу бий. Тэдний хүү бас харвана. Тэнд хүүхдүүд нь жаахан том болоод ирэхээр шагай харваж байна лээ. Улсын гарамгай мэргэн Шижирболдын хүү бас хөөрхөн харвана. Хүүхдүүдийн цаг зав бас болохгүй. Америкт нэлээд хөдөлмөрлөж байж амьдарна шүү дээ. Хичээл номондоо явна. дээр нь ажил хийнэ гээд зав муу.

-Аравдугаар сард болдог тэмцээндээ цолоо өгдөг үү?

-Ерөөсөө л гол цолоо тэр үед өгдөг юм. Аймгийн дэд мэргэн, мэргэн, гоц мэргэн цолуудыг олгодог. Шагайнд багийн харваа, цуваа харваа гэж хоёр ангилна. Монголд багийн харваа, цуваа харваанд эхний гуравт орсон хүнд цол олгодог. Манай тэнд дэд мэргэний багийн харваагаар авч болно. Харин гоц мэргэн, дэд мэргэнээ заавал цуваа харваанд Америкийн аварга шалгаруулах тэмцээн мужийн харваанд түрүүлж байж авдаг. Мужийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна. Бид чинь дотроо Иллинойс, Калифорни муж гэдэг ч юм уу. Бас мужийнхаа аваргад түрүүлсэн байх ёстой гэдэг шалгууртай. Цуваа харваанд түрүүлж, мөн Америкийн аварга шалгаруулах тэмцээнд цуваа харваанд түрүүлсэн байх ёстой. Дээр нь багийн амжилт үзүүлсэн байж аймгийн гоц мэргэн болдог юм. Энэ нэлээд чанга үзүүлэлт. Монголд багийнхаа амжилтаар таван удаа эхний гурван байрт шалгарсан байвал шууд гоц мэргэн болдог. Манай тэнд багийн амжилтаар хичнээн ч удаа таван амжилт гаргасан бай гоц мэргэн цол өгөхгүй. Тэгэхээр тамирчний түвшин өндөр болоод явдаг юм.

-Та одоо Америкт юу хийж байна?

-Паркетан шал хийдэг. Янз янзын шал хийнэ. Тэр шаланд өндөр мэргэжилтэн л болж байна даа. Шагай бол миний сонирхдог зүйл. Америкт ажил хийж амьдарч байна. Найз нөхөдтэйгөө хагас бүтэнсайнд парк дээр очиж салхинд гарангаа сайхан шагай харвадаг.

-Таны хашлагыг ямар модоор хийсэн бэ?

-Могойн модоор хийсэн. Энэ их хатуу мод. Америкт килограммаар зардаг юм. Энэ модыг монголд их сонирхож байгаа юм байна. Хүмүүстэй ярьж байхад хашлага, зурхай хийх моднууд нь энд ховор л байдаг юм байна. Манай тэнд их элбэг. Паркетан шалыг их хатуу модоор хийдэг юм. Тэр зурхай хийх гээд олдохгүй байгаа модыг паркетан шал хийчихээд үлдэгдлийг нь зүгээр хаячихдаг. Би их харамсдаг л даа. Тэрийг монгол руу явуулбал зөндөө их хашлага, зурхай хийх мод хаягдаж байгаа юм. Гэтэл энд их эрэлттэй байдаг. Гэхдээ би монголын шагайн холбоонд ганц, нэг мод явуулсан байдаг.

-Шагайгаар хэдэн насныхан голдуу тоглодог юм бэ. шагайгаар хичээллэхэд голдуу юуг анхаардаг вэ?

-Шагай спорт л болсон хойно голдуу миний насныхан харваж байгаа ч залуучууд илүү сайхан харвах юм. Хурдан сурч байна. Сайн ч харваж байна. Шагай монголд өндөр түвшинд хөгжчихсөн байна шүү. Бүгдээрээ зэрэг сайхан уухайлах юм. Олон хүн уухайлаад л байхаар бас сэтгэлзүйн бэлтгэл маш их хэрэгтэй. Өндөр бэлтгэлтэй л байхгүй бол их уухайлахаар сандарч гар хөл нь чичирч алдаа гаргаж магадгүй. Шагай харвах бас л техниктэй. Техникээ буруу хийдэг ч юм уу. Эсвэл дутуу хийгээд л алдаж, хожил өөрчлөгдчихнө шүү дээ. Тиймээс алдаа гаргахгүйн төлөө сэтгэлзүйн бэлтгэл сайн хийх хэрэгтэй. Мөн зоригтой харвах хэрэгтэй. Шагайн харваа спортод юу байх вэ бүгдийг л агуулдаг юм.

-Та гэр бүлийнхнийгээ танилцуулаач?

-Миний аав Архангай аймагт хоёр удаа түрүүлсэн аймгийн хурц арслан Болд гэдэг хүн бий. Гэр бүлийн хүнийг маань Энхтуяа гэдэг. Гэргий, охин, хүү дөрвүүлээ амьдарч байна. Би улсын заан Дөвчин гэдэг хүнийг их хүндэлдэг юм. Тиймээс хүүдээ Дөвчин гэдэг нэр өгч байлаа. Манай хүү энэ жил Америкт дунд сургуулиа төгслөө. Сан Францискогийн их сургуульд элсэн орж байгаад их баяртай байгаа. Банди маань сургуулийнхаа сагсанбөмбөгийн шигшээд тоглодог. Нэг хэсэг жүдогоор хичээллэсэн. Нэлээд их медальтай шүү. Сүүлдээ жүдогоо больчихно лээ. Залхуураад байгаа юм уу даа.Манай охиныг Танан гэдэг. Усан спортоор хичээллэдэг.

-Таныг сайн бөх гэдгээр чинь хүмүүс андахгүй. Дасгалжуулагч хийгээд нэлээд олон бөх бэлдэж гаргасан байх аа?

Би шагай гэхээсээ илүү бөхийн хүн. Улсын харцага. Үндэсний бөхөөс илүү чөлөөт бөхөөр барилдсан юм. Би чөлөөт бөхөөр олимп, дэлхийн аваргад орж байлаа. Олимпод хоёр удаа, дэлхийн аваргад дөрвөн удаа орж байсан. Дэлхийн цомын мөнгө хүрэл медальтай. Ази тивийн мөнгө, хүрэл медальтай. Улсын олон удаагийн аварга гээд чөлөөт бөхөөр хөөрхөн амжилт ярина шүү.

“Алдар” нийгэмлэгт насаараа ажилласан. Цэрэг байхаасаа ирээд л “Алдар” нийгэмлэгт орсон. Би бас армийн хошууч цолтой хүн. Сүүлд Алдар нийгэмлэгийн

дасгалжуулагч болсон. Тэнд Г.Өсөхбаяр аварга тамирчнаар ирж би дасгалжуулагч нь байлаа. Энэ жил Г.Өсөхбаяр аварга намайг Архангайн бөхчүүдийн бэлтгэлд гараач гээд 10-аад хоног бэлтгэл хийсэн. 22-ын товчооноос цааш 50 км-т байдаг “Mongo­lian Nomadic” жуулчны баазад Архангайн бөхчүүд бэлтгэлд гардаг юм. Бөхчүүдийнхээ бэлтгэлийг харах сайхан байсан.

-Архангайн бөхчүүд хэр сайн байв аа?

-Бөхчүүд бэлтгэлээ их сайхан хийдэг болсон байна. Архангайгаас хоёр бөх гайгүй сайн барилдаж байна лээ. Ч.Санжаадамба шөвгийн дөрөвт үлдсэн. Бас шинээр Ч.Ганзориг улсын начин цол хүртсэн шүү дээ.

-Улсын баяраар бөх барилддаг байж байгаад одоо шагай харвахаар төвлөрч суудаг болж байна. Бөхөө үзмээр санагддаг уу?

-Наадам эхэлхээс өмнө шагайн харваа эрт эхэлчихдэг. Бөхийн барилдааны гол барилдаан буюу тавын даваанаас өмнө дуусчихдаг юм. Шагайн тэмцээнээ дуусгаад л бөх рүүгээ орчихдог юм. Бөхөө сайхан үзсэн.

-Та Америкт дасгалжуулагч хийхгүй юм уу?

-Манай тэнд чөлөөт бөхөөр хүүхдүүд хичээллүүлдэг залуу байдаг юм. Тэр, та хааяа ирээд бөхийн талаар хэлж яриач гэдэг юм. Миний зав чөлөө ч болохгүй байна. Одоо ч заах арга барил ч бас муудаа биз дээ. Сүүлдээ өөрийгөө голоод байх юм. Тэгээд ч бас шагайндаа дуртай болчихжээ. Тийшээ очиж байхаар ганц нэг найз нартайгаа нийлээд шагай няслаад явчихна. Сүүлийн үед шагайгаар донтож байна даа. Их дуртай болж. Шагайны том том залуучуудтай их сайхан танилцаж, найз нөхөд болж байна. Ерөөсөө шагайны хүн болж дээ. Бөх тоохоо байсан байна. Сайхан хашлага, гоё сум хаана байна гээд л хайдаг болж.

Categories
мэдээ цаг-үе

Олуулаа бужигнаж гэр бүлээрээ тэмдэглэсэн наадам сайхан байдаг

Тулгар Төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар олны танил алдартай эрхмүүд хэрхэн нааддаг тухай манай www.admin.dnn.mn сайт онцолж байгаа билээ. Жүжигчин Ц.Цэрэнболдыг яаж нааддагийг сонирхлоо.

-Наадмаар та яаж баярлаж байна вэ?

-Зурагтаар бөх, морио үзэж байна. Би талбай дээр нь очоод явж үзэх дургүй. Наадмаар миний хүүгийн төрсөн өдөр болдог юм л даа. Бид нар өвөө, эмээ дээрээ очоод хонь гаргаж шөл уудаг уламжлалтай. Хорхог хийнгээ “Хөөе нөгөө бөх юу болж байна. Хэний морь яаж давхив” гээд зурагт руугаа нэг гүйгээд буцаад хэдүүлээ хөхрөлдөөд л өнгөрөөдөг. Айргаа уугаад махаа огтолж идээд суух сайхан л даа. Олуулаа бужигнаж гэр бүлээрээ тэмдэглэсэн наадам сайхан байдаг.

-Та монгол дээлээр гоёдог уу?

-Жаахан хүүхэд байхдаа долоо, найман дээлтэй байлаа. Одоо хааяа тэмдэглэлт баяраар ч юм уу. Эсвэл тайз, кинон дээр л өмсөж байна.

-Юуны өмнө “Academy awards 2015” наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал авсанд баяр хүргэе?

-Баярлалаа. Кино маань амжилттай болсны үр шим шүү дээ.

-Шилдгийн шилдэг бүтээлээр шалгарсан “Аав” кино Г.Эрдэнэбилэг та хоёрын хамтран найруулсан кино байх аа?

-Тийм ээ, Эби бид хоёрын анхны уран бүтээл. Би хоёрдугаар найруулагчаар ажилласан юм. Залуу зохиолч М.Энхдалайгийн бүтээл. Эби бид хоёр театрт нэг өрөөнд суудаг юм чинь ирэхээр нь ийм зохиол байна гэжхэлээд үзүүлсэн. Хоёулаа зохиолыг нь уншаад давгүй юм, кино хийе гэж шийдсэн. Кино олон хүний санаагаар бүтдэг учраас киноны багийн Базаррагчаа, Оки гээд бүх хүмүүс ярилцаж байж киногоо өлгийдлөө. Зохиолын зарим хэсгийг өөрчилсөн л дөө. Багийнхан маань сайхан уялдаатай ажилласны үр дүнд кино маань шилдгийн шилдэг уран бүтээл боллоо.

-Дүр сонголтын хувьд яаж сонгов?

-Бид гол дүрийн охиныг сонгохын тулд их олон хүүхдээс проба авсан. Тэгээд СУИС-ийн дөрөвдүгээр курсийн Б.Мөнхдэлгэр гэдэг охиныг сонгосон.

Б.Мөнхдэлгэр дүрдээ наалдахаар их гоё энгийн тоглолттой байсан юм. Мөн миний залуу насанд УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр тоглосон.

-“Аав” киноны дууг та дуулсан байна лээ. Сүүлийн үед хүмүүс их сонсож байгаа?

-Миний дуулна гэж юу байхав дээ. Дуучин С.Нарантай хамтарч дуулсан. Нөгөө хэдээрээ заалгаж байгаад жаахан эвтэйхэн л дуулсан юм.

-Таны хоолой одоо брэнд болчихлоо шүү дээ. Удмынх уу?

-Удам байгаа байх.

-Таны бага нас Налайхад өнгөрсөн гэсэн үү. Айлын хэд дэх хүүхэд билээ?

-Бага нас маань Налайхын тавдугаар хороонд өнгөрсөн. Манай аав уурхайчин хүн. Ээж маань Налайхын ахуйн үйлчилгээнд оёдолчингоос эхлээд нярав, мэргэжилтэн хүртэл ажилласан. Одоо хоёулаа тэтгэвэртээ гарчихсан. Би айлын том хүү. Миний доорх дүүг Цэрэннэмэх гэдэг. Багш мэргэжилтэй. Бага дүү маань бас багш. Хашхүү гэдэг бүсгүй бий. Ганц охин нь болоод тэгдэг юм уу жаахан байхаасаа их хэрсүү байсан. Хэдийдээ ч хоол хийгээд сурчихсан юм бүү мэд. Хэзээ ч бид хоёрын хувцсыг угаагаад сурчихсан юм. Их ажилсаг дүүтэй.

-Ээжтэйгээ нэг кинонд тоглосон гэсэн үү?

-“Аав” киноны жижиг хэсэгт тоглосон. Ээжийг чадах юм болов уу гээд эргэлзэх байх гэсэн чинь их дуртай тэгье гэж хүлээж аваад тоглосон л доо. Киноны гол дүр залуу насандаа будилж явах үед миний ээж өмнөх дурсамжийн хоёр багахан хэсэгт тоглодог юм.

-Та яагаад жүжигчин болчихов оо. Жүжигчин болно гэж боддог байв уу?

-Жүжигчин болно гэж бодож байгаагүй. Манайх Налайхаас Багануурт шилжиж очсон юм. Би тэр үед гал унтраах 64 дүгээр ангид гурван жил жолооч хийсэн. Тэр хооронд байгууллагуудын хооронд АСК тэмцээн болдог байсан. Д.Бямбацогт ах Багануурын театрын дарга байсан үе. Д.Бямбацогт ах биднийг тэмцээн уралдаанд бэлдэж байгаад “Чи ер нь шалгалт өгөөд үзвэл яасан юм” гэсэн. Манай ээж намайг дэмжээд оюутан бол гээд жүжигчин болох зам руу орж байлаа.

-Оюутан байх үеэ дурсаач?

-Би Мюзикл дээд сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр 2003 онд төгссөн. Баасансүрэнбагш надаас шалгалт аваад “Чи тэнцэх юм байна” гээд тосч авч байсан хүн. Сургууль маань МУГЖ дуурийн дуучин Д.Баадайжав гээд их сайн багш нартай сайхан сургууль байсан.

-Сургуулиасаа эхнэрээ сонгосон гэх юм билээ?

-Миний эхнэр эдийн засагч мэргэжилтэй. Тэр үед манай сургуульд санхүү хариуцсан ажилтан байсан юм.

-Анх аав болох ямар санагдаж байсан бэ. Хүүгээ гарахад ямар сэтгэгдэл төрж байв?

-Аав болох үгээр хэлэхийн аргагүй маш сайхан мэдрэмж. Хамгийн түрүүнд аав руугаа ярьж “Та өвөө боллоо шүү дээ” гэж хэлсэн. Хүн өөрөө аав болохоор аав, ээжийгээ ойлгодог юм билээ. Манай эхнэр хүүхдээ гаргаад “Би ганцхан хүүхэд гаргах гэж ингэж зовж байхад ээж минь яаж олон хүүхэд гаргасан юм бол оо” гэж байсан. Эмэгтэй хүн “эх хүн” гэдгээ илүү мэдэрдэг юм шиг санагдсан шүү.

-Хүүхдүүдийнхээ талаар яриач?

-Миний хүүг Далайцэрэн гэдэг. Одоо 11 настай. Бага маань Үлэмжгоо гээд дөрвөн настай хөөрхөн бор охин бий.

-Та сургуулиа төгсөөд шууд УДЭТ-т орсон юм уу?

-Ц.Төмөрбаатар гуай манай сургуульд багшилж байсан юм. Сургуулиа төгсөөд нэг жил Ц.Төмөрбаатар гуайн туслах багш хийсэн. Театрын найруулагч Ч.Түвшин багш маань намайг төгсгөж байлаа. Ч.Түвшин багшийнхаа “Алтан унага” театрын жүжигчин гэж фестивальд оролцож байсан. Багш маань “Драм дээр шалгалт авч студийн жүжигчин авах юм байна. Чи бэлдэж байгаарай” гээд намайг бэлдүүлдэг байсан. 2006 онд шалгалтаа өгөөд УДЭТ-т орж байлаа.

-Драмын театрт ороод ямар жүжигт анх тоглож байв?

-Анх Б.Мөнхдорж найруулагчийн “Харц хатан” дуулалт жүжигт Гомбосүрэн гэж агь ноёны дүрд тоглож байсан. Театраас их юм сурдаг. Найруулагчаасаа гадна жүжигчдээсээ суралцана. Болохгүй байгаагаа багшаасаа асууна. Тэр үед Баавай, Мэндээ эгч хоёр надад их тусалж байсан. Миний хүү ноён хүний алхаа ийм байх ёстой гээд л зааж байсан нь саяхан мэт санагдаж байна.

-Хэдэн жүжигт тоглосон бэ?

-Таван жүжгийн гол дүр. 30-аад жүжгийн туслах дүрд тоглосон.

-Дэлгэцийн анхны дүрийн хувьд?

-Анх Австри, Германы хамтарсан “Чингис хаан” баримтат уран сайхны киноны Жамухын дүрд тоглож байсан. Монголд зураг авалт нь болж байсан юм.

-Жүжигчид түүхэн дүрд тоглохыг хүсдэг. Таны анхны дүрүүдийг харахад дандаа түүхэн кино байдаг шүү дээ. Одоо ямар дүрд тоглохыг хүсч байна?

-Тоглохыг хүсдэг дүр байдаг л даа. Дээхнэ нэг хүн надад хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. “Яг цэвэр дуурь сонсъё гэвэл хүн Италид очиж сонсоно. Шекспирийн жүжиг үзье гэвэл Англид очиж үзнэ. Тэрэн шиг Монголд ирээд үзэх юм нь Монголын өв соёл. Гадныхан Монголын үндэсний юмыг л үзнэ шүү дээ” гэж билээ. Тэгэхэд би дотроо ядаж нэг хуур татаж, хөөмийлж сурах юмсан гэж бодож байлаа. Жаахан оролдож үзсэн л дээ. Магадгүй кинонд хөөмийлөөд монгол гэсэн үнэр шигтгэхийг хүсч байна. Үндэсний өв соёл хамгийн чухал зүйл байна даа гэж дотроо бодож байлаа. Том уран бүтээл дээр сайхан дүр бүтээх шиг бахдам зүйл байхгүй шүү дээ. Одоохондоо сэтгэл ханамжтай бүтээсэн дүр алга л байна. Урлагийн буян болох байлгүй дээ.

-Сүүлийн үед та их моодонд ороод байна уу. Нээлтээ хийж байгаа бүх кинонд тоглосон байх юм?

-УДЭТ жилдээ хоёр, гурван шинэ жүжиг тавьдаг. Театрынхаа уран бүтээлд тоглоно. Хажуугаар нь киноны санал ирэхээр нь тоглочихдог юм.Энэ жилийн хувьд “Ар хударга” кино аль намар зургийг нь авчихсан байсан ч сая нээлтээ хийж байна. Энэ өвөл бол “Аав” кинондоо бүх анхаарлаа хандуулсан. Бас “Улаан театр”-ын Хангай, Сүхээ дүү нарынхаа анхны бүтээл дээр гурван хэсэгт тоглосон. Нэрийг нь мэдэхгүй байна тэгж байгаад гарах байх.

-Таны “Ар хударга” киноны хэсэг цахим ертөнцөд их яваад байгаа. Үг сонголтын хувьд зохиол дээрээ бичигдсэн байсан юм уу?

-“Ар хударга” кинонд би туслах дүрд тоглосон. Киноны маркетингийн хүмүүс миний тоглосон шоронгийн хэсгийг нь таслаад сошиалаар явуулчихсан юм билээ. Шоронд байгаа хүн тэр байтугай юм ярих байх гэж бодоод л би хэлчихсэн юм.

-“Марко поло”-д тоглохоор болсон гэсэн. Ямар дүрд шалгарсан юм бэ?

-Би “Марко поло” киног үзсэн их далайц нь том мундаг, сайхан кино байна лээ. Би энэ кинонд хоёр сценд тоглохоор болсон. Долдугаар сард Унгарт таны хэсгийн зураг авна гэж байсан юм. Гэтэл есдүгээр сард болчихлоо. Унгарт биш Малайзад таны хэсгийг авна гэсэн. Одоогоор тийм хариу ирчихээд л байж байна. Тоглосон хойно нь л тоголлоо гэхээс биш. Нөгөө улсууд чинь дахиад зохиолоо өөрчилчих ч юм билүү.

-Таныг найруулагч нар ямар дүрд голдуу сонгож байна?

-Эсрэг, хар талын дүрд л сонгох юм.

-Кинонд эсрэг дүр гол дүрээсээ илүү байдаг юм шиг. Таныхаар?

-Эсрэг дүр хийх юм ихтэй л дээ. Манай Дагва ах эсрэг дүр байсан ч дүрээ өмөөрч тогло гэж хэлдэг юм. Тэгэхээр дүрийн шугам хүчтэй бас их зөв гардаг байх. Эсрэг дүр ажиллагаатай сайхан шүү.

-Та өөрөө найруулагчийн үүднээс кино хийх үү?

-Хийх бодол байгаа. Хамгийн гол нь эдийн засаг. Тэр талаа шийдээд сайхан зохиол дээр ажиллая гэсэн санаа бий.

-Дүрийн судалгаагаа яаж хийдэг вэ?

-Тухайн дүрийн судалгааг амьдралаас эрж хайна шүү дээ. “Шарга даага” кинонд тоглохдоо нутгийн уяачидтай уулзаж адуугаа яаж уяж, сойж байгааг асууж судалгаа хийж байсан. Жүжигчин хүн болгон амьдралаас ийм судалгаа хийдэг.

-Та ихэнхдээ настай хүний дүрд тоглосон харагддаг?

-Тийм. Би уг нь 1977 оных. Хүүхэд байхын их овортой байсан. Намайг долдугаар ангид байхад хэзээ цэргээс халагдаж ирсэн гэдэг байлаа.

-Цэрэг гэснээс та цэрэгт явж байсан юм уу?

-Үгүй. Галын гурван жилээр хаалгаж байсан.

-Эр хүнд нөхөрлөл чухал байдаг. Та нөхөрлөлийг юу гэж боддог вэ?

-Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болддоггүй гэж үг байдаг шүү дээ. Бас зуун төгрөгтэй явснаас 100 найзтай яв ч гэдэг. Надад найз нөхөд олон бий. Хүнийг хүндэлж байж өөрийгөө хүндлүүлдэг гэдэгт би итгэдэг.

-Аав, ээж чинь одоо Баганууртаа байгаа юу. Танд юу гэж захидаг байв?

-Зундаа Улиастайн аманд зусдаг. Өвөлдөө Багануур руугаа орчихдог юм. Ажлын зав чөлөө гарвал аав, ээж дээрээ очдог юм. Аав маань олон дотроо сайхан яваарай, хамт олонтойгоо байгаарай гэж захидаг.

-Бага насандаа гэр бүлээрээ тэмдэглэж байсан хамгийн гоё баяр юу вэ?

-Өвөө маань 80 гарч бурхан болсон хүн. Би өвөө дээрээ өссөн. Өвөөгийн хүүхэд л дээ. Цагаан сар л их сайхан болдог байсан. Өвөө маань тэндээ хамгийн ахмад нь байсан болохоор олон ч хүн ирдэг байлаа.

-Өвөөтэйгөө байсан үеэ дурсаач?

-Миний өвөө дархан хүн байсан. Би хажууд нь галыг нь түлж өгдөг хүүхэд байлаа. Дарханых нь хөөргийг халаана. Сүүлд паяалник халаадаг болсон юм. Дарханы ажилд тусалдаг нь л би байсан. Өвөө надад гаанс толгой тааруулаад өгчихсөн. Багаасаа л тамхинд орчихсон хүүхэд байлаа. Өвөөтэйгөө адилхан тэр хавийн өвөгчүүлтэй их нийлдэг болохоор найзууд маань намайг “өвгөн Болдоо” гэж хочилдог байж билээ.

-Танд дарханы ур дүй бий юу?

-Өвөө бурхан болохын өмнө намайг дуудаад “Миний хүү өвөөгийнхөө дарханы багажийг Нэмэхээдээ өгөөрэй. Чи буу аваарай” гэсэн. Миний доод талын дүү шүү дээ. Уг нь тэр тусалдаггүй тоглоод л гүйж явдаг байсан юм. Гэхдээ өвөө миний хажууд хамаагүй гарын дүйтэй гэдгийг нь олоод харчихсан байсан л хэрэг. Тэгэхээр надад гарын дүй байхгүй байж.

-Өөрөө хүсээд энэ дүрд л тоглочих юмсан гэж тоглосон дүр бий юу?

-Олон дүрд тоглож байсан л даа. Жүжигчин хүн юм чинь янз бүрийн л дүрд тоглоно шүү дээ. Гэхдээ “Шарга даага” киноны уяачийн дүрийг л би дөхүүлнэ дээ гэж бодож байсан. Мөн “Аав” киног бас дотроо төсөөлөөд болох юм шиг санагдсан.

-Моринд дуртай юм уу. Яагаад уяачийн дүр ойрхон санагдав?

-Би моринд их хайртай хүүхэд байсан. Багадаа олон сайхан морьтой болоод уралдуулах хүсэл байлаа. Манай тавдугаар хорооныхон айл болгон жаахан малтай. Тэр үед хонинуудаа бүгдийг нь нийлүүлээд ээлжилж явдаг байсан юм. Үхэр малаа мориороо эргүүлнэ гээд хот доторх хөдөө гэх үү дээ.

-Танд дурлалт залуугийн дүр байхгүй шүү дээ. Тийм дүрд тоглооч гэвэл та тоглох уу?

-Тоглоно доо.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Хааяа нэг бильяард цохидог. Салхинд гарах сайхан.

-Гэртээ хариад та ямар хүн болох вэ?

-Гэртээ хариад хүүхдүүд­тэйгээ тоглоно. Манай бага намайг морь бол, арслан бол гээд зүгээр байлгахгүй. Эхнэрийнхээ хийж өгсөн хоолыг идчихээд л суваг солиод кино үзээд хэвтэнэ. Хамгийн сайхан жаргал маань тэр дээ.

-Ойрын үеийн төлөвлө­гөөгөө сонирхуулаач?

-Завсар зайгаараа хэл суръя гэж бодож байна. Гадагшаа явж үзлээ хэлтэй хүн сайхан юм. Заавал кинонд тоглох биш. Гадныхантай хамтарч ажиллахад ч хэрэг болно шүү дээ. Ер нь хүн цаашаа явъя гэвэл эхний ээлжинд хэлтэй болох хэрэгтэй юм байна гэж бодож байгаа.

-Та монгол дээлээр гоёдог уу?

-Жаахан хүүхэд байхдаа 7, 8 дээлтэй байлаа. Одоо хааяа тэмдэглэлт баяраар ч юм уу. Эсвэл тайз, кинон дээр л өмсөж байна.

-Наадмаар та яаж баярлах вэ?

-Зурагтаар бөх, морио үзэх байх. Би явж үзэх дургүй. Наадмаар миний хүүгийн төрсөн өдөр болдог юм. Бид нар өвөө, эмээ дээрээ очоод хонь гаргаж шөл уудаг. Хорхог хийнгээ “Хөөе нөгөө бөх юу болж байна. Хэний морь яаж давхив” гээд зурагт руугаа нэг гүйгээд буцаад хэдүүлээ хөхрөлдөөд л өнгөрөөдөг. Айргаа уугаад махаа огтолж идээд суух сайхан л даа. Олуулаа бужигнаж гэр бүлээрээ тэмдэглэсэн наадам сайхан байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Ш.Алтанцэцэг: “Говийн зэрэглээ“-гийн Арслан буюу Г.Доржсамбуу багшийн шавь шүү дээ, би

Жүжигчин Ааяа буюу Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ш.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол авсанд баяр хүргэе. Та хэдэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж байна вэ?

-Би 1985 онд Багшийн дээдийн Кино драмын анги төгссөнөөс хойш 30 жил болж байна. Тэгэхээр би тасралтгүй 30 жил урлагт ажилласан хүн. Миний хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлж, надад өнөөдөр Монгол Улсын гавьяат жүжигчин гэдэг энэ сайхан хүндтэй алдар цолыг өгсөнд маш их баяртай байна. Энэ сайхан ардчилсан төрдөө баярлалаа. Ардчилсан төрийн Ерөнхийлөгчдөө энэ дашрамд баярласнаа илэрхийлмээр байна.

-Багшийнхаа талаар дурсахгүй байхын аргагүй. Та хэний шавь билээ?

-Урлагийн салбарт намайг хөтөлж оруулсан хамгийн гол хүн маань ард түмэн Арслан гэж хүндэлдэг “Говийн зэрэглээ” киноны Г.Доржсамбуу багш минь байгаа. Багш маань тэнгэрээс намайг хараад баярлаж байгаа байх. Би ангийнхаа тав дахь гавьяат. Өөрөөр хэлбэл, Г.Доржсамбуу багшийн төгсгөсөн хүүхдүүдээс тав дахь гавьяат нь би боллоо.

-Сургуулиа төгсөөд ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-Сургуулиа төгсөөд Монголын хүүхэд залуучуудын театрт орж байлаа. Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж байхдаа драмын олон жүжигт тоглосон доо. Мөн хөгжимт жүжигт ч тоглодог байлаа.

-Хэзээнээс хошин урлаг руу орчихов оо?

-Тэр үед манай театраас “Элдэв зураг” гээд хошин хөтөлбөр тоглогддог байсан юм. “Элдэв зураг” гэх хошин тоглолтыг ганцхан манай театр л гарч тоглодог байсан. Тэр хошин тоглолт дээр анх удаа тоглохдоо дөрөвхөн өгүүлбэр хэлж байсан юм. Дөрвөн өгүүлбэрийг маань хүмүүс их гоё инээж хүлээж авсан л даа. Тэгээд миний урам зориг орсон юм. Үнэндээ бол үзэгчид маань намайг хөглөж, өдий зэрэгт хүргэсэн.

-Алдар хүндэд хүрэхэд хамгийн их нөлөөлсөн дүр гэвэл та ямар дүрээ онцлох вэ?

-Жүжигчид үзэгчдийн зүрхэнд хүрсэн дүрээрээ нэрлэгдээд явдаг. Энд тэнд явж байхад тоглож байсан дүрээр дуудах үе бий. Тэгж дуудахад нь миний тоглосон дүр хүмүүст хүрч дээ гэж боддог. Ерөнхийдөө хошин урлагт тоглосон дүрүүд маань үзэгчдийн зүрх сэтгэлд илүү хүрсэн юм болов уу. МУГЖ цолыг үргэлж халуун алга ташилтаараа дэмждэг үзэгчдийн маань намайг шагнасан шагнал гэж ойлгож байгаа.

-Урлагийн хүнд гэр бүл чухал байдаг. Энэ цолыг авахад гэр бүлийнхэн тань яаж хүлээж авч байна?

-Аав, ээж маань бурхны орноос охиноо харж байгаа байх. Өвөг дээдэс минь баярлаж байгаа болов уу гэж бодож байна.

Гэр бүлийн хувьд би одоо нөхөр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Нөхөр маань СУИС-д багшилдаг. Манай үзэчид “Хэцүү анги” киноны Тэнүүний аавын дүрд тоглодгоор нь танина. Сүүлийн үед бас нэлээд сериалууд дээр тоглосон. Хүүхдүүдийн маань нэг нь Эдийн засагч, удаах нь МУИС-ийн Олон улсын сэтгүүлзүйн ангийг төгссөн. Халуун бүлээрээ ирчихсэн байна. Мэдээж миний энэ баярыг гэр бүл маань хуваалцана шүү дээ.

-Таныг “Мөрөөдлийн театр”-ийн эмэгтэй талын тулгуур багана гэж болно. Яагаад энэ хамтлагийг сонгох болов?

-2012 онд “Мөрөөдлийн театр” байгуулагдаад яг нэг жил болж байхад орж байсан. “Мөрөөдлийн театр”-ынхан өөрсдөө намайг урьсан л даа. Хамгийн эхний тоглолт “Амьдрал өөрөө бэлэг” гэдэг тоглолт байсан. Би тэр нэрийг өөрөө өгч байлаа. Тэр тоглолтод тоглогдож байгаа жүжгүүд миний олсон, манай хүүгийн орчуулсан жүжгүүд байдаг.

-“Мөрөөдлийн театр”-т ажиллахаас өмнө та юу хийж байсан бэ?

-“Мөрөөдлийн театр”-тай хамтарч ажиллахаас өмнөх тав, зургаан жил эх орныхоо дөрвөн зүг найман зовхист уран бүтээлчдийн хамт эх орноо нар зөв бүтэн хоёр тойрсон. Тэр үед Төвийн урлагийн байгууллагууд сумдаар очихоо больсон үе л дээ. Би зориг гарган хэдэн залуусыг цуглуулж, сум, бригадаар явж маш олон удаагийн тоглолт хийсэн. Цастай, бороотой үед миний тоглолтыг үзэхээр ирж байсан ард түмэндээ баярлалаа гэж хэлье.

-Таныг хүмүүс XXI зууны галзуу Бумаа гэдэг юм билээ. Та үүнтэй санал нийлэх үү?

-Энэ бол ерөөсөө үзэгчдийн надад хайрласан нэр. Үзэгчид маань ухаантай ард түмэн болохоор хэнийг хүлээж авах вэ. Хэнийг хүлээж авахгүй вэ гэдгээ мэдэж байгаа учраас үзэгчдийнхээ энэ ухаанд л биширч мөргөнө дөө.

-Цаашдаа та ямар уран бүтээл дээр ажиллах вэ?

-Би өнгөрсөн он жилүүдэд Монголын хүүхдүүд, эмэгтэйчүүдэд нэлээд их юм хийсэн. Үүнийгээ үргэлжлүүлээд хүүхдүүдийн төлөө их зүйл хийх бодолтой байгаа. Монголын хүүхдүүд Монголын ирээдүй учраас хүүхдүүдийн зүрх тархинд сайны үрийг суулгах ёстой гэж боддог. Энэ ажлыг урлагийнхан бид нар л хийхгүй бол өөр хэн хийх билээ. Тиймээс энэ тал дээр нэлээд түлхүү ажиллана гэж төлөвлөсөн байгаа.

Ш.Алтанцэцэг багш минь миний бахархал

МУГЖ Ш.Алтанцэцэгийг цолоо авч гарч ирэхэд урлагийнхан бүгдээрээ ирсэн байсан бөгөөд түүний шавь “Тв коктейль” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш сэтгэгдлээ хуваалцсан юм.

-Таныг МУГЖ Ш.Алтанцэцэгийн шавь гэдэг юм билээ. Хэзээ шавь орж байв аа?

-Хүүхэд залуучуудын театр залуу жүжигчдээ бэлтгэнэ гээд 1998 онд шалгалт авч байсан. Тухайн үед надаас Ардын жүжигчин А.Очирбат, Н.Батцэцэг, И.Нямгаваа найруулагч нар шалгалт авч тэнцэж байлаа. Тэнцэж орсноос хойш миний мэргэжлийн ур чадварыг МУГЖ Ш.Алтанцэцэг багш заасан. Миний өдий дайтай жүжигчин болсон маань Ааяа багшийн маань ач гавьяа.

-Багш тань өнөөдөр МУГЖ гэх хүндтэй цолыг авлаа. Шавийн хувьд сэтгэгдэл ямар байна?

-Үнэхээр сайхан бахархах сэтгэл төрж байна. Цахим ертөнцөөр харж байхад Монголын ард түмэн багшийг маань маш сайхан хүндэтгэлтэйгээр хүлээж авч байгаа нь бахдам сайхан юм. Миний үлгэр дуурайл болсон багшдаа Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол авсанд шавийнх нь зүгээс танай сониноор дамжуулж талархаж явдгаа илэрхийлье.

-Сургуулиа төгссөн ч багшаасаа зөвлөгөө авдаг уу?

-Мэдээж тэгэлгүй яахав. Багш хүн насан туршдаа л багшаараа байдаг юм билээ. Би 2004 онд сургуулиа төгссөн. Эхэндээ шавь нь байлаа. Одоо уран бүтээл дээр хамтрагч болж ажиллахад сайхан түшигтэй байдаг. Шинэ уран бүтээл хийх болгондоо, ямар нэг шийдвэр гаргах үедээ багш дээрээ очиж зөвлөгөө авдаг. Өөрөө их эерэг хүн учраас багштайгаа уулзахаар сайхан ухаарлын үгнүүдийг сонсоод сэтгэл сайхан болдог. Багш минь намайг их дэмждэг. Манай хамтлагийн тайзны уран бүтээл болох “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн зохиолыг Ш.Алтанцэцэг багш минь надад өгч байсан. Багшийгаа магтаад байвал дуусахгүй, хөдөлмөрч хүн. Энэ шагнал үнэхээр нүдээ олсон зүйл боллоо.

Categories
мэдээ цаг-үе

Манай хамтлаг 18 жилийн түүхэнд хүнээс үг, ая авч байгаагүй

“Guys” хамтлагийн ахлагч М.Мягмартай ярилцлаа.

-Сүүлийн үед цахим ертөнцөд нэлээд эрэлттэй байгаа “Байна уу ээжээ” дуу төрсөн түүхээс яриач. “Unitel”-ийн реклам гэж хараад байгаа?

-Хоёр жилийн өмнөөс яригдаж эхэлсэн уран бүтээл л дээ. Дууны үгийг Мөнхжаргал гээд манай уран бүтээлийн хамтрагч ах бичээд надад санал тавьсан. Уран бүтээл болгож чадахгүй яваад байсан юм. Сүүлд 2015 оны гуравдугаар сард Солонгос руу явж ирэхэд “Unitel” компани албан ёсоор энэ дуун дээр хамтран ажиллахаар болсон. Тэр даруй ажилдаа шаргуу орж нэг дуу хийсэн ч тэр нь хөгжмийн урсгалын хувьд жаахан таагүй болчихоод дахин ажиллаад одоо яваад байгаа дууг гаргасан л даа. Тавдугаар сарын 28-нд нээлтээ хийж, олон нийтэд сонсгосон.

-Хамтарч дуулсан бүсгүйнхээ талаар яриач?

-Монгол модель агентлагт харьяалагддаг загвар өмсөгч Сарнай гэдэг бүсгүй бий. Гэр бүлийн талдаа урлагийн хүмүүс их байдаг юм билээ. Тэр утгаараа урлагт их дуртай байсан. Нэгдүгээрт, залуу уран бүтээлчийг дэмжсэн. Хоёрт, миний хоолойны өнгөтэй нийцэх хоолой ховор байсан.

-Дуугаа дуулахдаа ээжийнхээ талаар их бодсон уу. Ээжийнхээ талаар яриач?

-Би 1996 онд ээжийгээ тэнгэрийн оронд алдчихсан хүн. Газарт нэг хүн ээжгүй болж, тэнгэр нэг ээжтэй болсон. Урлагийн замд орсон ч ээжийнхээ ачийг хариулах ямар нэг зүйл хийж байгаагүй юм. “Байна уу ээжээ” дуу ээждээ зориулж хийж байгаа анхны уран бүтээл. Тэр утгаараа маш их сэтгэл хөдөлж байсан. Хоолойгоо бичүүлж байхдаа найзтайгаа компьютерийн наана, цаанаас харж уйлж байж бичүүлсэн. Яг тэр нулимстай хэсгийн дублүүд нь дууны хэсэгт орчихсон явж байгаа. Уран бүтээл хамрах цар хүрээний хувьд нийт хүмүүсийн ээжид зориулсан. Ээжтэй болон ээжгүй хүмүүст ч таалагдах ёстой гэдэг үүднээс ганцхан хүний үзэл бодол байгаад байж таарахгүй. Энэ дуунд маш олон хүний үзэл бодол, төлөөлөл үгнүүд бий. Тэрийг сонсоод нээрээ би ингэдэг. Манай эгч яг ингэж ярьдаг гэж олон хүн хэлсэн. Дууны уран бүтээл дээр яривал миний ярианы өнгө, дууны өнгийг янз бүрийн байдлаар гаргасан.

-Жүжигчин хүний хувьд таныг “Ану хатан” киноны Галдан Бошгот хааны дүрээр чинь андахгүй. Энэ кинонд тоглосон тухайгаа яриач. Яаж сонгогдож байв?

-Киноны продюсер, зохиолч Б.Шүүдэрцэцэгийн надад тавьсан санал. Уг нь би өөр дүрд тоглохоор болчихсон байсан. Сахлаа ургуулчихсан байсан болохоор бэлэн ургачихсан сахалтай байгаа дээрээ яагаад түүхэн кинонд тоглож болохгүй гэж гэж бодоод саналыг хүлээн зөвшөөрсөн. Тэр дүр дээрээ ажиллагаа хийгээд явж байсан чинь зураг авалт эхлэхээс 14 хоногийн өмнө Галдан Бошгот хааны дүрийг санал болгосон. Тухайн үедээ их айж, эмээсэн. Тийм том дүр дээр миний хувьд бэлдэх цаг цав бага байсан. Надад өөрийгөө бэлдэх хугацаа хэрэгтэй байсан ч 14 хоногийн дараа зураг авалт эхлэх гээд байна гэдэг миний хувьд нэлээд авцалдахааргүй байсан л даа. Шахуу хугацаанд энэ дүрийг авч ажилласан. Хамтран ажиллаж байгаа уран бүтээлчид, найз нарынхаа түшиг тулгуурт найдсан. Өөрөө бас нэлээд том үүрэг хариуцлага үүрсэн. Урт хугацааг хамарсан зураг авалт байсан болохоор дүрдээ уусч, ажиллаж байгаад орсон л доо.

-Түүхэн кинонд дүр бүтээх ямар байв?

-Сайхан шүү. Уран бүтээлчийн хувьд түүхэн кинонд тоглох их сайхан. Би гэртээ ирж унтахдаа XXI зуунд эхнэр хүүхэдтэйгээ байна. Өглөө XXI зуунд сэрнэ. Ажилдаа гараад ажлынхаа салбарт очихоор би XIII зуунд орчихож байгаа юм. 24-хөн цагийн дотор хоёр зуунаар дамжаад байхаар сонирхолтой. Зураг авалтынхаа талбай дээр очингуутаа би дээл хувцсаа өмсөнө. Хоорондоо ярьж байгаа үг харилцаа болгон өөр. Натурт байгаа бүх хүмүүс намайг “Хаантаан” гэж дууддаг байсан юм. Хоёр зуунаар дамжиж байна гэдэг сайхан. Мэдээж хэцүү зүйл байлгүй яахав. Гэхдээ би хэцүү гэхээсээ илүү сонирхолтой байдлаар нь харах дуртай. Хүн албатай юм шиг ажиллачихаад хүнд хэцүү байсан гэж ярихад би дургүй. Яагаад гэвэл анхнаасаа цаг зав гаргаж сонгосон учраас би илүү дурладаг. Аливаа юмны хэцүүг олж харж тэрэндээ шантраад явж болохгүй.

-Та бизнес эрхэлж байна уу. Фенүүд дунд чинь та нарыг юу хийгээд алга болчихов гэсэн хүлээлт үүсээд байна уу даа?

-Уран бүтээл дээрээ л ажиллаж байна. Уран бүтээл гэдэг өнөөдөр хийчихээд маргааш цацахдаа чухал биш. Багаар ажиллана. Тэгж хийхийн тулд их төлөвлөгөө зарцуулна. Бид хийсэн ажлаа “Guys official” page дээр тайлагнаад бичдэг. Тэрийг олж хараагүй хүмүүс биднийг зүгээр суугаад байна гэж хардаг. Гэтэл бид ажиллаад л байгаа. Шинэ жилээр завгүй ажилтай байж байгаад он гарсны дараа хосуудын баярт зориулж хоёрдугаар сарын 14-нд “Хайрын бүжиг” тоглолтоо хийсэн. Тоглолтоо дуусгаад нэг хоног амарчихаад Солонгос явж тоглосон. Сөүлд тоглоод Бусанд тоглоод эргээд үзэгчдийн хүсэлтээр Сөүлд буцаж ирж тоглосон. Мөн тавдугаар сард Япон руу явсан. Хаврын баярт нь оролцчихоод ирсэн юм. Дараахан нь АНУ явахаар болсон ч жаахан хойшилчихсон байгаа. Сая Эрдэнэт хотод 6000-8000 хүнийг хамарсан стадионы тоглолтоо хийчихээд ирсэн. Одоо орон нутгаар ажиллана. Дараагийн тоглох газраа тодорхой болгох гээд ажиллаж байна. Маш завгүй ажиллаж байгаа учраас энэ хооронд бизнес хийх ямар ч зав чөлөө байхгүй. Фенүүддээ битгий хэл гэр бүлдээ ч олдох завгүй ажиллаж байна. Хийж байгаа зүйл маань хүний нүдэнд ил биш байгаа байх л даа.

-Гадаадад тоглолт хийхэд хүмүүсийн хүлээлт хэр их байна?

-2006 оноос “Зун орсон цас” гэж мюзикл тоглолт хийснээс хойш тоглолт хийгээгүй есөн жил өнгөрсөн байна. Есөн жилийн хугацаа гэдэг “Guys” хамтлагийн дууг мэддэг хүний хувьд асар их хүлээлт. “Guys” хэрвээ тогловол үзнэ гэсэн хүлээлт Монгол оронд төдийгүй гадаадад ч их байдаг. Нөгөө талаасаа киноны уран бүтээл. 2008 онд “Сайн уу амьдрал минь” кинонд ажилласнаас хойш дахиж уран бүтээл хийгээгүй. Манай хамтлагийн төлөвлөгөөгөөр 2015 оныг дандаа аялан тоглолтын жил болгоно. 2016 онд киноны уран бүтээлд орно. Энэ жилдээ Монгол орондоо төдийгүй гадаадад байгаа монголчуудтайгаа уулзахаар төлөвлөсөн.

2008 онд “Тэнгис” кино театр гээд ганцхан кино театртай байхад “Сайн уу амьдрал минь” кино киноны хөгжлийн түвшинд нэг шат ахих зүйл хийж байсан. Гурвалсан үйл явдлын хэлхээг үзүүлж, киноны маркетинг продакшны ажлыг илүү шат ахисан түвшинд оруулсан. Одоо эргээд харахад кинонууд тэр зарчмаар ажиллаж байна. Official постерууд байх ёстойг мэдсэн байна. Анх зүгээр нэг плакат наадаг байсан ш дээ. Манайхан анх Official постер гаргаснаас хойш кинонууд тэр зарчмаар л ажиллаж байна. 2016 онд техник технологийн хувьд ч юм уу, хамрах хүрээний хувьд шинэ ахиц гарахаар кино хийнэ. Өнөө маргаашийн дэлгэцийн уран бүтээлийг хэдэн хүн үзсэн гэсэн статистик хардаг киноны түвшинд биш гадаад зах зээлийн кино хийхээр зорьж ажиллаж байна. Одооноос хамтарч ажиллах багаа бүрдүүлээд, зохиолоо судалж ажиллаж байна. Хэр зэрэг холыг зорьж байна, тэр хэмжээндээ илүү эртнээс бэлдэж эхлэх хэрэгтэй байдаг учраас одооноос киноныхоо ирээдүйг харж ажиллаж байна. Бид тодорхой хугацаанд өөрсдийн төлөвлөгөөг гаргачихсан байдаг. 2017 онд “Gyus” хамтлагийн 20 жилийн ой болох гэж байна. 20 жилийн ойгоо угтаад цаг наргүй шахуу хөтөлбөрөөр ажиллаж байгаа учраас дундуур нь ямар нэг ажил хийх боломж байхгүй.

-Бага насаа дурсаач. Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Айлын бага, дээрээ хоёр эгчтэй. Аав, ээжийн хайранд өсөж торнисон үе бий. Гэхдээ намайг шилжилтийн нас буюу бие хүн болж төлөвших үед ардчилал гараад картанд ороод эхэлсэн. Тэр үед нийгэм нь тийм байхад эрхлэх завгүй л байсан үе. Илүү их биеэ дааж, өөрийгөө олж хардаг юм билээ. Талхыг хоногт талоноор, хүнсний хэрэглээг картаар өгдөг байсан. Маргаашийнхаа ажлыг яая даа гэж байхад юун хүүхэд эрхлүүлэх л биз дээ. Тийм болохоор би шалгууртай нийгэмд хэрсүүжиж өссөн хүүхэд гэж өөрийгөө ойлгодог.

-Яагаад СУИС-д орсон юм бэ?

-Урлагт дуртай, илүү их сонирхолтой хүүхэд байсан. Кино үзэх, уран зохиолын ном унших дуртай. Уран зохиолын ном уншихаар өөрөө жүжигчин нь болоод, найруулагч нь болоод л явчихна ш дээ. Тэр үүднээсээ тэр сэтгэхүй нь хөгжчихсөн хүүхэд урлагт илүү дуртай байсан. Уншсан зохиол маань кино болж гарвал миний төсөөлж байснаас хэр өөрчлөгдсөн байна гэж хардаг. Энэ мэтчилэн сонирхол нь урлаг тал руугаа явчихсан байсан.

1997 онд улсын сургуульд орно гэдэг тэр болгон хүүхдүүдийн хийж чаддаг зүйл биш байлаа. Аав ээжүүдийн хувьд ч ямар мэргэжил сонгох нь гол биш улсын сургууль илүү байсан үе. Тэр үед улс, хувийн сургуулийн ялгаа хурцаар тавигдаж байсан. Тухайн үед 1997 онд МУСУИС-д элсэн орж аавыгаа баярлуулж байлаа.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Хоёр ой гарантай нэг хүүтэй. Гэргий маань бизнесийн эдийн засгийн салбарын хүн. Урлаг өөрөө маш их цаг хугацаа гаргадаг мэргэжил. Тиймээс нэгэн биеийн нөгөө тал нь цаг хугацааны талд бас их өгөгдөлтэй хүн байхгүй бол болохгүй ш дээ. Хоёр сэтгэл нэг болоод явахаар дундуураа дүүргээд л явах юм.

-Одоо “Guys” хамтлагийг хэдэн насныхан сонсож байна?

-18-45 насныхан байдаг. Энэ нь нэлээд том цар хүрээ шүү. Одоогийн 18 настай хүүхдүүд биднийг жүжигчин ах нар гэж хараад байдаг. Жүжигчин ах нар нь хамтлаг болоод гараад ирэхээр та энэ дууг дуулдаг байсан юм уу гэдэг. Манай ах, эгч нар намайг бага байхад энийг дуулдаг байсан гэдэг. Энэ үүднээсээ 18-аас дээш насныхныг хамраад байна. Одоо “Guys” хамтлагийн сонсогчид харьцангуй залуужиж байна. Нөгөө талаас бидний нэг үеийнхэн байна. Бидэнтэй адил нас нэмээд л яваад байгаа. Энэ хүмүүс нийгэмд эзлэх байр суурьтай, эрхэлсэн ажилтай, төлбөрийн чадвартай болоод ирэхээр бидэнд айгаад байх зүйлгүй болчихож байгаа юм. Эргээд уран бүтээл хийхэд бидэнд санхүүжилт байхгүй, хүн үзэх болов уу гэсэн айдас байхгүй. Тэр хүмүүс маань багаасаа сонссон хамтлагаа санхүүжүүлээд эхэлж байгаа юм. Манай CD одоо HIFI re­cords-д шилдэг борлуулалттай CD-ны хоёрт жагсдаг. Энэ чинь үнэнч фенүүдийн чадамжийн асуудал.

-Сүүлийн үеийн шинэ уран бүтээлийнхээ талаар яриач?

-Бодсон ажил байна. Цаг хугацааг зарлах болоогүй. Одоогоор өнгөрсөн 18 жилийн турш гаргасан уран бүтээлээ хүмүүст хүргэх нь чухал байна. Гэхдээ мэдээж шинэ уран бүтээл гаргана. Илүү их цар хүрээг хамарсан буюу 18-45 насны бүх хүмүүст таалагдах уран бүтээл хийнэ. Манай хамтлагийн хувьд 18 жилийн түүхэнд хүнээс үг, ая авч байгаагүй. Өөрсдийнхөө уран бүтээлийг өөрсдөө хийдэг хамтлаг. Тиймээс энэ удаад ч тэр зарчмаараа ажиллаж байгаа. Бид уран бүтээлээрээ оюуны өмчийн зохиогчийн эрхийн дагуу 100 хувийн баялаг бүтээгч нар болно. Өөрсдийн оюуны бүтээлийн эрхийг хамгаалах эрх бүхий хүмүүс.

Бусад уран бүтээлчид хүмүүсээр ая зохиолгоод, үгээ бичүүлээд өөрөө дуулахаар нэг дуу гурван эзэнтэй болж байна гэсэн үг. Энэ нь оюуны өмчийн эрх дээр саад болдог. Дуучин, ая зохиогч, шүлэг бичсэн хүн аль нь дууныхаа эрхийг авах вэ гэдэг асуудал гардаг. Тэгэхээр бид ямар ч цаг үед зөвшөөрөгдөх өөрсдийн гэсэн уран бүтээл хийдэг. Клипнийхээ зохиолыг ч бас өөрсдөө гаргах жишээтэй. Уран бүтээлийн хувьд илүү даацтай гэсэн үг л дээ.

Categories
мэдээ цаг-үе

“Марко Поло” кинонд Монголоос 45 хүн тоглоно

“Марко Поло” киноны Монгол талыг хариуцсан продюсер М.Оргилтой ярилцлаа.

-“Марко Поло” киноны хоёрдугаар бүлэгт тоглох жүжигчдээс эхнээсээ явсан гэсэн. Үлдсэн хэсэг нь хэзээ явах вэ?

-Өнгөрсөн гурав дахь өдөр буюу зургадугаар сарын 24-нд “Хан монгол морьтны холбоо”, “Тэнгэрийн чоно” орлон тоглогч багийнхны 10, мөн олны хэсэгт тоглох эхний ээлжийн 10 хүн хоёр орчуулагчийн хамт явсан. Араас нь дөрвөн бүжигчин, нэг уртын дуучин, зургаан хөөмийч явна. Мөн дөрвөн бөмбөрчин нэмэгдэж явж магадгүй. Хантайшир дэвжээний бөх аймгийн арслан Тангад, Бямба-Очир хоёр долдугаар сар гаргаад явах төлөвлөгөө бий. Тангад Хойд омгийн хүчтэний дүрд тоглох юм. Жүжигчин Ц.Цэрэнболд арванхоёрдугаар сарын 12-нд явах болсон. Ахмад настай сайхан баатрын дүр бий. Мөн Хубилай хааны бага насны дүрд 12 настай хүү сонгогдсон. Тэр хүү жүжигчин Ц.Цэрэнболдтой цуг нэг хэсэгт тоглох юм.

Цэрэнболдын сонгогдсон байдал их сонирхолтой. Үндэсний телевизэд сонгон шалгаруулалт болж байхад өөрөө сонирхоод явж байсан юм билээ. Цэрэнболд 40 хүрээгүй залуу шүү дээ. Уг нь 60-аас дээш насны нэг дүр байсан юм. Нас чинь арай болохгүй юм байна гээд явуулчихсан. Цэрэнболдын дүр төрх, жүжигчин талдаа сайн. Мэргэжлээ өөрийн болгож эзэмшсэн хүн. Явуулсныхаа дараа царайг нь төсөөлсөн нэлээд овортой санагдаад буцаагаад залгасан. Тэгсэн Цэрэнболд “Би их овортой харагддаг. Жаахан буурал тавихаар л хөгшин өвгөн болчихно” гэсэн. Тэгэхээр нь дуудчихсан. Цаанаас өгсөн зааврыг зөрчөөд өөрийн эрх мэдлийн дагуу Цэрэнболдыг 60 гарсан хүний дүрд бичлэг хийгээд явуулсан юм. Тэгсэн миний таамаглаж байснаар “Марко Поло”-гийн хүмүүст их таалагдсан. Найруулагч, зохиолч хоёр нь Монголд ирэхдээ Цэрэнболдыг дуудаад тоглуулж үзээд сонгосон. 60-аас дээш насны тэр дүрд Монголын ахмад олон жүжигчид проба өгсөн байсан юм. 20-30 насны зөрүүтэй дүрд тийм сайхан тоглож байна гэдэг сайн.

-Жүжигчид маань монгол хэлээрээ тоглох уу?

-Монголоор тоглуулах эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байна. Жаахан хэсэгт буюу Цэрэнболд, Хубилайн бага насны үед монголоор яриулъя гэсэн юм. Найруулагч, зохиолч нь монгол хэл дээр тоглохыг дэмжиж байгаа ч цаад “Netflix”-ын удирдах ажилтнууд нь зах зээлээ бодно. Үзэгчид нь дандаа англи хэл дээр ойлгох хүмүүс учраас заавал монголоор яриулах шаардлага байна уу гэсэн зүйл яриад байгаа юм.

-Албан ёсоор хэдэн хүн явахаар болоод байна. Өмнөх анги дээрээ хэдхэн л хүн явж байсан байх аа. “Марко Поло”-д тоглох хүмүүс маань англи хэлтэй юу?

-Өнгөрсөн жил дөрвөн хүн л тус кинонд тоглож байсан. Хубилай хааны 800 жилийн ой болох гэж байна. Үүнтэй уялдуулаад төр засаг маань хубилай хааны байгуулсан түүх, гавьяаг таниулах, Монгол түүхийг сурталчлахад Холливудын “Netflix” компанитай хамтраад ажиллана гэдэг асар том хөрөнгө оруулалт. Одоогийн байдлаар 45 хүн монголоос баталгаатай тоглохоор болчихож байгаа юм. Дээрээс нь ганц, хоёр жүжигчин нэмэгдэж магадгүй. Гол нь хэлний л асуудалтай байна. Энэ киног дэлхийн хэмжээнд үзэх учраас англи хэл дээр тоглох ёстой. Тиймээс том дүрүүдэд нь монголчууд сонгогдож чадахгүй байна. Яваандаа манай Монголын дуучид, жүжигчид англи хэл сурч байвал дэлхийн зах зээл ойрхон байна шүү. Магадгүй “Марко Поло”-гийн дараагийн бүлэгт хэлтэй болчихвол гол дүр авах боломж бий.

-Киноны нэгдүгээр бүл­гийн зөвлөхөөр ажилласан Бямбадорж явах уу?

-Долдугаар сард Бямбадорж маань зөвлөхөөр явна. Бас Баярцэцэг гээд охин орчуулагчаар явна. Орчуулагчаар явж байгаа гурван хүн дандаа кино салбарын хүмүүс. Тэд бүтэн гурван сар Холливудын кино үйлдвэрлэл яаж явагддаг юм бэ. Том найруулагчид яаж ажиллаж байна. Зохион байгуулалт ямар байх вэ гэдгийг үзээд туршлага судлаад Монголдоо ирж амьдралд хэрэгжүүлэх залуусыг явуулсан. Тэд бүгдээрээ маш сайн англиар ярьж, чөлөөтэй орчуулга хийдэг хүмүүс байгаа.

-Олны хэсэгт тоглох 10 хүн яаж сонгогдсон юм бол. Жүжигчин Цэгмэд ямар дүрд сонгогдсон юм бэ?

-Жүжигчин Цэгмэд эгч олны хэсэгт тоглох 10 хүний нэгээр сонгогдсон. Гол дүрийн хажууд монгол төрхтэй хүмүүс зогсож сууж байх юм. Энэ 10 хүний хувьд цаанаас нь 3-4 эмэгтэй хүн, 5-6 эрэгтэй хүн байх ёстой гэсэн. Мөн монгол нар салхи үзсэн хөрслөг сайхан царайнууд байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Тэгээд бид орон нутгаас сонгон шалгаруулалт хийж Баян-Өлгий, Сэлэнгэ, Булганаас хүмүүс сонгогдсон байгаа. Тэр дотор малчин, ажилгүй байсан хүмүүс, Засгийн газрын автобаазын жолооч ах хүртэл сонгосон. Одоо Будапештын төвд буудалд буучихсан байгаа. Саяхан холбогдоход очсон хүмүүс маань их сэтгэгдэл өндөр байна лээ.

-Орлон тоглогчдын хувьд?

-10 орлон тоглогч маань мэргэжлийн хүмүүс. Очоод анхныхаа морины бэлтгэлд гарсан байгаа. Утсаар ярьсан чинь бусад орлон тоглогчдоос бид ялгарч байна. Бид морь малдаа арай илүү гарамгай байх шиг байна гэж байна лээ. Бүгдээрээ сайхан баатар, харуулын дүрд тоглоно. Мөн морин дээрээс харвах зэрэг үзүүлбэрүүд дээр орох байх. Олон сайхан кинонд тоглочихсон туршлагатай сайхан залуус бий.

-Сонгогдсон хүмүүс маань киноны зураг авалт дуустал тэндээ байх уу?

-Олны хэсэгт тоглож байгаа хүмүүс гурван сар болно. Есдүгээр сард зураг авалт Малайз руу нүүхэд эндээс олны хэсгийн шинэ 10 хүнээ солиод явуулах юм. Харин орлон тоглочид маань зургаан сар ажиллахаар болсон.

-Хэдэн төгрөгийн цалин авч байгаа вэ?

-Олны хэсэгт тоглож байгаа хүмүүс сарын 800 долларын цалин авч байгаа. Гар дээр нь хоолны мөнгө гээд долоо хоногт 210 доллар өгч байгаа гэсэн. Нийлээд 1800 доллар гэсэн үг л дээ. Харин орлон тоглогчид сарын 1000 доллар авна.

-“Марко Поло” киноны зохиолч, найруулагч нар ирж манай төр засгийн удирдлагуудтай уулзсан. Тэр ажил хэр бүтэмжтэй байна?

-“Марко Поло” киноныхон­той манай төр засгийн удирдлагууд уулзаж сайхан дэмжсэн. Засгийн газрын тогтоолын дагуу “Марко Поло”-д тоглох монгол хүмүүсийг тодорхой хэмжээний санхүүжүүлэх шийдвэр гаргасан байсан. Одоохондоо биелэлээ олоогүй байна. Бид энэ шийдвэрийг нь биелэх байх гэж найдаад хүлээж байна. Санхүүгийн асуудлаас болоод бөмбөрчид явах уу, үгүй юу гэдгийг шийдээгүй байгаа. Тэр хүмүүсийн явах зардал, очоод байрлах зардал гээд асар өндөр зардал гарах учраас Европт байгаа япон, солонгос хүмүүсийг тоглуулах хувилбар яригдаж байна. Засгийн газраас санхүүгийн дэмжлэг хэр хурдан бүтнэ, тэр чинээгээр илүү олон монголчууд тоглох боломж бүрдэнэ гэсэн үг.

-Хубилай хааны 800 жилийн ойгоор энэ кино гарахаар манай улсын хувьд нэлээд сурталчилгаа болно байх?

-Үүнд манай соёлын биет ба биет бус өв тэр чигээрээ орж байгаа. Ийм том компаниар сурталчлагдаж байна гэдэг Монгол Улсын нэр гарч байна гэсэн үг. Тэгэхээр манай төр засаг тодорхой хэмжээний зардал гаргаад тогтоол гаргана гэдэг зөв алхам.

-Цаашдаа эдийн засгийн бас нэг гарц болгож Монголын зах зээл дээр кино үйлдвэрлэл явуулах ямар боломж байна?

-“Марко Поло” киногоор дамжуулаад цаашдаа бид соёлын үйлдвэрлэл буюу кино үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа. Киноны хуулийг олон ч жил ярьж байна даа. Киноны хуулиа гаргаад кино үйлдвэрээ хурдхан барих хэрэгтэй. Киноны хуульд хамгийн чухал зүйл нь татварын хөнгөлөлтүүд.

Бүх Холливудын кинонууд кино зураг авахад татварын хөнгөлөлт үзүүлдэг, хамгийн өндөр хөнгөлсөн орон хаана байна тэнд очиж зургаа авдаг. Малайзад гэхэд 30 хувь хөнгөлдөг. Энэ бүх асуудлуудаа шийдчихвэл “Марко Поло” болон бусад түүхэн киног Монголд ирж хийх магадлалтай. Кино хийх эрхзүйн орчингүй учраас тэр олон сая доллараар бүтэж байгаа киноны зураг авалт гадаадад болоод байна. Монгол хүмүүсийг гадагш авч явахад зардал их гарах учраас өөр хүмүүсээр орлуулах нь эдийн засгийн хувьд хэмнэлт гарна. Нэгдүгээр бүлэгт л гэхэд 90 сая доллар зарцуулсан. Тэр мөнгө Малайз, Казахстан, Италид үлдсэн.

-“Марко Поло” киног хийснээр Монголоос жүжигчид авч байгаагаас гадна эдийн засгийн үр өгөөж бий юу?

-Хоёрдугаар бүлэгт хэрэглэгдэх гэрийн бүх эсгийгээ манайхаас авсан. Олон хүн монголоос авч цалинжуулж ажиллуулж байна. Одоогийн байдлаар “Марко Поло”-гийнхон 300 гаруй мянган долларын хөрөнгө оруулалт Монголд хийчихсэн байна.

-Хоёрдугаар бүлэгт ямар үйл явдал гарах вэ?

-Эхний бүлэг дээр Марко Поло Монголд очиж Хубилай хаантай танилцаж, монгол ахуй нийгэмд Юань гүрэн рүү шилжихийг харуулсан. Одоо бол Хубилай хаан голдуу Ар Монголд байгаа хаад ноёдтой зөрчилдсөн зөрчлийн талаар гарах юм. Энэ удаад Ар Монголд Хайду хаан толгойлж Хубилайтай зөрчилдөөн үүсч буй хэсэг, Их хуралдай, Монголын хурим найр гээд тодорхой хэсгүүд гарах юм билээ.

-“Марко Поло” кино хэзээнээс олны хүртээл болох вэ?

-Зураг авалт нь арванхоёрдугаар сард дуусна. Өнгөрсөн жил зураг авалт нь есдүгээр сард дуусаад нэгдүгээр сард гаргаж эхэлсэн. Энэ жил оройтож байгаа ч гэсэн түрүүчээс нь нэгдүгээр сар эсвэл гурав, дөрөвдүгээр сараас гаргах байх.