Categories
мэдээ цаг-үе

Ц.Мөнхцэцэг: Сонгуулийг мөнгөтэй хүмүүсийн биш, бодлогын өрсөлдөөн болгох ёстой

Стратеги академийн захирал, улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-УИХ-ын сонгуульд улс төрийн нам, эвслээс гаргах зардлын дээд хэмжээг 5.9 тэрбум төгрөгөөр Үндэсний аудитын газраас тогтоолоо. 2016 оны сонгуулиар уг хэмжээг 3.4 тэрбум төгрөгөөр тогтоож байсан шүү дээ. УИХ-ын гишүүний дөрвөн жилийн цалин 57 сая төгрөг. Гэтэл нэг нэр дэвшигчээс зардлын хэмжээг 775 сая төгрөгөөр тогтоолоо. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Монголын сонгуулийн зардал жил ирэх тутам өсч байна. Жишээ нь, 2016 онд хамгийн өндөр зардалтай сонгуулийн тойрог болох Баянзүрх, Налайх дүүргийн 22 дугаар тойрогт 378 сая байсан бол энэ жилийн хувьд Баянгол дүүргийн сонгуулийн зардлын дээд хэмжээ 775 сая төгрөг байхаар тогтоожээ. Энэ удаагийн сонгуульд ингэж зардал нэмэгдэх болсон нь нэг талаас тойрог томсож тухайн нэр дэвшигчийн хүрч ажиллах сонгогчдын тоо 2016 оныхоос даруй 2-3 дахин нэмэгдсэнтэй холбоотой байх. Нөгөө талаас сонгуульд гарах зардлыг Аудит, Үндэсний статистикийн хороо, СЕХ зэрэг байгууллагууд харьцангуй бодитоор тооцоолон гаргасан байх магадлалтай. Ер нь жилийн жилд нам, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын ихэнх нь нь хэвлэл мэдээлэл, сурталчилгаа, төвлөрсөн арга хэмжээнүүдэд зарцуулагддаг. Гэхдээ энэ нь хот, хөдөөгийн тойргуудаас шалтгаалан харилцан адилгүй. Тухайлбал, нийслэлийн тойргуудад хэвлэл мэдээллийн зардал ихэнх хэсгийг эзэлдэг бол орон нутагт тээвэр, харилцааны зардал их байх жишээтэй. Монголд сонгуулийн зардал ингэж өсч байгаа нь буруу жишиг гэж хэлж болно. Би ардчилал, сонгуулийн үйл явцын талаар 20-иод жил судалгаа хийж байна. Ингээд харахад улс төрийн намуудын шударга өрсөлдөөн ардчиллын амин чухал нөхцөл болдог нь олон улсын жишээнээс харагддаг. Тэгвэл улс төрийн намын төлөвшилд эерэг, эсвэл сөргөөр нөлөөлж байгаа асар том хүчин зүйл бол санхүүжилт.

-5.9 тэрбумаар сонгуулийн зардлыг тогтоосон нь АНУ-аас хоёр дахин их хэмжээ. Ийм их мөнгөөр сонгуулийг хийх гэж байна шүү дээ. Яагаад манайд сонгуулийн зардал ийм өндөр байна вэ?

-Тийм ээ, бид үнэхээр өндөр зардлаар сонгуулийг хийж ирлээ. УИХ-ын гишүүний сарын цалин ийм байхад тэрнээсээ хэдэн арав дахин их мөнгөөр сонгогдчихоор эргээд тэр мөнгөө олох гэж төрийн албыг өөртөө ашиглана гэдэг шүүмжлэлүүд явж байгаа шүү дээ. Санал нэг байгаа. Сонгуулийн зардал асар их байх үед хэн гарах нь ойлгомжтой. Сонгуулийн зардал өндөр байхын хэрээр тухайн сонгуульд гарааны тэгш бус байдал нэмэгддэг. Нөгөө талаас сонгуулийн албан ёсны сурталчилгаа хугацаа бусад улсуудынхаас богино. 2016 онд 18 хоног байсан бол энэ жилийн удаагийнх 21 хоног. Ийм нөхцөлд хөрөнгө мөнгөтэй нэр дэвшигч л богино хугацаанд их хөрөнгө хаяж олонд танигдах боломжтой байгаа нь яах аргагүй тэгш бус байдал. Мөн өргөн уудам газар нутагт хүн ам тархан байршсан, сонгуулийн сурталчилгааны үеийн хүн хүч оролцсон бүх үйл ажиллагаа нь үнэ хөлсөөр явдаг, олон хүн цуглуулсан кампаничилсан том акциуд их хийдэг зэргээрээ Монголын сонгуулийн кампани Европ болон Азийн улсуудынхтай харьцуулахад зардал ихтэй. Ганцхан жишээ хэлэхэд, дэлхийн улсуудын сонгуульд тухайн нам, нэр дэвшигчийг дэмжигч сайн дурынхан ажилладаг бол манайд нэр дэвшигчийн штабын бүхий л ажиллагсад тодорхой хэмжээний урамшуулал цалинтай ажилладаг. Үндсэндээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд зардал ихтэй сонгууль явуулдаг буруу жишиг тогтоочихоод байна. Тиймээс судлаачид бид сонгуулийн зардлыг багасгах, эх үүсвэрийг нь ил тод болгох, хувь хүнээс гарах зардлыг аль болох хязгаарлаж, зардлын нэлээд хэсгийг бусад улсын жишгээр төрөөс даадаг чиглэл рүү оруулах нь зөв гэсэн байр суурьтай байдаг. Монгол Улсын хөгжүүлэх бодлого хөтөлбөр дэвшүүлсэн, улс орны алсыг харсан, нийтийн эрх ашгийн төлөө явдаг нам, нэр дэвшигчийг сонгох ёстой. Тэрнээс биш сонгуулийг хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн өрсөлдөөн болгож болохгүй. “Их мөнгөний өмнө тэсдэг хүн маш цөөхөн байдаг” гэж нэгэн алдартай үг байдаг. Сонгуулийн зардал өндөр байх нь авлигын нэг том шалтгаан. Тийм учраас сонгуулийн зардлыг багасгах, зарцуулалтыг ил тод байлгах нь их чухал юм.

-Томсгосон тойргоор сонгуулийг явуулбал илүү бага зардал гарах юм биш үү. Нэг намаас нэг тойрогт нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид хамтран санхүүжилтээ гаргах, баг болон ажиллах боломжууд нээгдэнэ шүү дээ?

-Тантай санал нэг байна. Тухайн тойрог дээр намаас гурван хүн өрсөлдөж байгаа бол сонгуулийн зардлаа хуваалцаж гаргах ёстой. Тэгвэл зардал буурна. Аль болох бага зардлаар өрсөлдөөнийг нээлттэй, бодлогод суурилсан зарчмаар хийх ёстой. Энэ удаагийн сонгуулийн хуулийн царцаа нүүлгэх гэдэг бас нэгэн хууль бус зардлыг сонгуулийн хуулиар таслан зогсоосон нь давуу тал боллоо. Сонгогчдын саналыг авахын тулд мөнгө тараадаг уламжлалт бохир арга үеэ өнгөрөөсөн. Манай Стратеги академи болон бусад судалгааны газруудтай хамтран хийж байгаа сүүлийн үеийн судалгаануудаас харахад Монголын сонгогчид сонголтоо хянуур хийдэг, мөнгөнд саналаа худалдахааргүй болсон байна. Улстөрчдийг хэн болохыг, улс төрийн бодлого юу болохыг шүүн тунгааж саналаа өгөх хүмүүсийн тоо байнга нэмэгдэж байна. Тийм учраас улс төрчид сонгогчдыг элдэв бэлэг сэлт, мөнгөөр татах гэсэн явуургүй аргаа зогсоох цаг болсон. Энэ мэтээр танаж болох олон зардал бий.

-Та ХБНГУ болон АНУ-ын их сургуулиудад зочин судлаачаар ажиллаж байсан хүний хувьд эдгээр улсын намын санхүүжилтийн онцлогийг тодруулж хэлнэ үү?

-Парламентын, эсвэл ерөнхийлөгчийн засаглалтай байна уу гэдгээс хамаараад суурь концепц нь хоёр өөр байдаг. ХБНГУ ба АНУ бол энэ хоёр тогтолцооны сонгодог жишээ. АНУ бол Ерөнхийлөгчийн засаглалтай учраас улс төрийн нам нь сул, Ерөнхийлөгч хэмээх хувь улстөрчийн нөлөө өндөр байдаг улс. Тиймээс улс төрийн намыг дэмжих, улс төрийн намын санхүүжилтийг төрөөс хэсэгчлэн юм уу, тодорхой хэмжээгээр гаргах явдал байдаггүй. Сонгуулийн болон улс төрийн санхүүжилт нь цэвэр хувь хүн, том компаниудын хандиваас бүрддэг. Ингэснээр тухайн улстөрч юм уу намыг санхүүжүүлэгчээс хамааралтай болох, лоббид автах явдал гардаг. Жишээлбэл, сүүлийн үед АНУ-д галт зэвсгийн хэрэглээг хязгаарлах талаар олон нийтийн тэмцэл хөдөлгөөн ид өрнөж байна. 7000 гаруй дунд сургуулийн хүүхэд бууны суманд өртөж амь насаа алдаад байгаа тул хүүхдүүд, эцэг эхчүүд удаа дараа жагсаал хийж байна. Гэтэл АНУ-ын улстөрчдийг санхүүжүүлдэг асар том бүлэглэл нь зэвсгийн наймаанаас ашиг олдог компаниуд юм. National Rifle As­sociation буюу Үндэсний зэвсгийн холбоо Конгрессын гишүүдийн сонгуульд их хэмжээний хандив өгдөг болохоор хуульд өөрчлөлт оруулж зэвсгийн хэрэглээг хязгаарлах боломж одоогоор хязгаарлагдмал хэвээр байна. Өөрөөр хэлбэл, АНУ-ын улстөрчид зэвсгийн наймаачдын шахалтад орсон гэсэн үг. Улс төрийн намууд ийнхүү хувь хүн, компаниудаас санхүүжих нь сөрөг үр дагавар ихтэй байдгаас Европын улс орнуудад хувийн санхүүжилтээс татгалзаж, улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх чиглэл давамгайлж байна. Европын ихэнх улсын намын санхүүжилтийн 60-70 хувь нь төрийн дэмжлэг байдаг. Төрөөс олгож буй энэ санхүүжилтийн нэлээд хэсгийг иргэдийн улс төрийн боловсрол, бодлого боловсруулах, бодлогын судалгаа хийхэд зарцуулна гэж хуульчилсан байдаг. ХБНГУ-ын хувьд улс төрийн намуудад төрөөс үзүүлэх санхүүгийн шууд ба шууд бус дэмжлэг үзүүлдэг. Намуудын нийгмийн дэмжлэг, сонгуулиар авсан саналыг үндэслэн төрөөс санхүүжилт олгодог. Европарламент болон Бундестагийн сонгуульд тухайн нам нийт сонгогчдын 0.5 хувиас доошгүй санал авсан бол төсвөөс санхүүжилт авах эрх нээгдэнэ. Ингэж улс төрийн намуудыг хөрөнгө мөнгөтэй, нөлөө бүхий хүмүүсээс хараат бус байх нөхцөлийг хангахын зэрэгцээ төрөөс бас хараат бус байх ёстой гэсэн концепц Германд үйлчилдэг. Энэ нь гишүүдийн татвар болон хязгаарлагдмал хувийн хандив юм. Мөн Германы улс төрийн санхүүжилтийн нэг онцлог нь намын дэргэдэх улс төрийн боловсролын сангуудаар дамжуулан шууд бус санхүүжилтийг Бундестагт суудалтай намуудад өгдөг явдал. Иргэд улс төрийн мэдлэггүй байх нь ямар аюултай гэдгийг 1933 оны Рейхстагийн сонгуульд Гитлерийн нам ялалт байгуулсан явдал гэрчилдэг тул өдгөө Германы засгийн газар ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд ихэд анхаардаг. Намын дэргэдэх улс төрийн сангууд иргэдийн улс төрийн боловсрол, дэлхий дахины ардчиллын боловсролыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монголд Фридрих Эбертийн сан, Конрад Аденауэрын сангуудын суурин төлөөлөгчийн газрууд ажиллаж ардчиллын боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

-Хаврын ээлжит чуулганаараа Улс төрийн намын тухай хуулийг шинэчилнэ. УИХ өнгөрсөн онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, улс төрийн нам улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах зохицуулалтыг тусгасан. Энэ дээр судлаачид та бүхэн зөвлөмж өгч ажиллаж байгаа байх?

-Таны хэлсэнчлэн хаврын чуулганаар хэлэлцэгдэх Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад эрдэмтдийн багаараа бодлогын зөвлөмж өгч байна. Бид улс төрийн намын санхүүжилтийг ил тод хариуцлагатай болгох, сонгууль дахь хөрөнгө мөнгөний нөлөөг багасгах, цаашлаад авлигыг бууруулах чиглэлээр нэлээд олон бодлогын зөвлөмжүүдийг санал болгож байгаа. 2019 оны арваннэгдүгээр сард батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд улс тө-рийн намыг эрүүлжүүлэх санхүүжилтийг ил болгох чиглэлээр маш дорвитой заалтууд орсонд судлаачид бид сайшаалтай хандаж байна. Уг заалтууд улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хууль дээр хэрэгжээд явахад ихээхэн дэвшил авчирна. Энэхүү хуулиар улс төрийн намын бүтэц үйл ажиллагаа, нийгэмд гүйцэтгэх үүрэг, санхүүжилт, хариуцлагыг цоо шинээр зохицуулна. Тухайлбал, өдгөө үйлчилж буй 2005 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулинд Улс төрийн намд нийгмийн өмнө ямар нэг үүрэг ногдуулаагүй байсан бол Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зааснаар улс төрийн нам ардчиллыг бэхжүүлж хөгжүүлэх, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах, улс төрийн шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоог идэвхжүүлэх, дэмжих, судалгаанд суурилсан бодлого хөтөлбөр дэвшүүлж сонгуульд оролцох, хэрэгжүүлэх зэрэг үүргийг хуульчилж байгаа. Гагцхүү хууль тогтоогчид хуулиа батлахдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн суурь концепцоо барьж, мэргэжилтнүүдийнхээ зөвлөгөөг хэр авч хуулиа батлах нь уу гэдгээс их зүйл шалтгаална. Эсрэгээрээ зургаан сард болох сонгуулиа бодож, цаг зуурын өөрсдөдөө ашигтай хууль баталчихвал асуудал үүснэ шүү дээ.

-Хуулийн шинэчлэлээр гишүүдийн татвар дээр тодорхой хэмжээний анхаарал тавих нь зүйтэй байх?

-Дэлхийн чиг хандлагаар нам аль болох энгийн гишүүдээсээ бага хэмжээний татвараас санхүүжиж байж, хөрөнгө мөнгөтэй том компанийн нөлөөллөөс ангид байна гэсэн зарчим бий. Улс төрийн намын тухай шинэчилсэн төсөл дээр гишүүний жилийн татварын хэмжээг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувиас хэтрэхгүй байлгахаар заах зөвлөмжийг өгч байгаа.

-Улсаас намыг хэдэн төгрөгөөр санхүүжүүлдэг юм бэ?

-2005 оноос хойш мөрдөгдөж байгаа Улс төрийн намын тухай хуулиар зөвхөн УИХ-д суудалтай намыг төрөөс санхүүжүүлдэг. Тэр нь сонгуулийн дараа нэг удаа хүчинтэй саналыг мянган төгрөгөөр бодож санхүүжилт олгодог. Түүнчлэн УИХ-д суудалтай намуудад нэг гишүүний суудлыг 10 сая төгрөгөөр тооцож, тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжүүлдэг. Харамсалтай нь улсын төсвөөс олгож байгаа санхүүжилтийн зарцуулалтын тайланг хянах механизм маш сул байна. 2007 оноос хойш ганцхан удаа улс төрийн намын санхүүжилтэд аудит хийсэн тайлан олон нийтэд ил болсон.

-Хэдий УИХ-д суудал аваагүй ч гэсэн тодорхой сонгогчдын дэмжлэг авсан намыг төр дэмжих зохицуулалт орж байгаа юу?

-Ардчилалд шилжиж буй орнуудад улс төрийн намын төлөвшлийг дэмжих нь чухал гэдгийг олон улсын мэргэжилтнүүд зөвлөдөг. Тухайлбал, Улс төрийн намын тухай хуулинд Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын экспертүүдтэй бид хамтран ажиллаж байна. Олон улсын зөвлөхүүд Монголын улс төрийн намуудад өрсөлдөөний ижил боломж олгох, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, намыг бүртгэх тогтолцоог хялбар болгох, зөвхөн УИХ-д суудалтай бус, сонгогчдын тодорхой дэмжлэг хүлээсэн намд төрийн санхүүжилт олгодог байх зэрэг зөвлөмжийг өгөөд байгаа. Тийм учраас энэ удаагийн Улс төрийн намуудын тухай хуулийн төсөлд “УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын нэг хувиас доошгүй санал авсан намд жил бүр төсвөөс хүчинтэй санал тутмыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувьтай дүйцэхүйц хэмжээний мөнгөн дүнгээр тооцож олгоно” гэж заалт орж байгаа. Энэ нь улс төрийн намуудын тэгш шударга өрсөлдөөнийг дэмжих зорилготой юм.

-Улс төрийн намуудад төрөөс олгох санхүүжилтийн зориулалтыг зааж өгөх үү?

-Төрөөс олгож байгаа хэсэгчилсэн дэмжлэгийн зориулалтыг нь зааж өгнө. Улс төрийн намын тухай хуулийн төсөлд санхүүжилтийн 20-иос доошгүй хувийг гишүүд дэмжигчдийн улс төрийн боловсролд, 15-аас доошгүй хувийг иргэд сонгогчдын улс төрийн боловсролд, 30-аас доошгүй хувийг намын мөрийн хөтөлбөр, бодлого боловсруулах үйл ажиллагаанд зарцуулна гэж оруулсан байгаа. Нам бол бодлогын нам болох ёстой. Тэрнээс цаг зуурын шинжтэй, олны анхаарал татсан популист хандлагатай байж болохгүй.

-Эцэст нь дүгнэж хэлбэл Монгол Улсад ямар улс төрийн намын тогтолцоо төлөвших нь зүйтэй вэ?

-Монгол Улс нь парламентын засаглалтай улсын хувьд Европ маягийн намын тогтолцоо болон намыг төрөөс хэсэгчлэн санхүүжүүлдэг механизмыг Монгол Улсад нутагшуулах нь тохиромжтой гэж бодож байна. Хамгийн чухал нь улс төрийн намууд бодлогын нам болж төлөвших ёстой. Намууд нь бодлогоор өрсөлдөж, сонгогчид нь бодлого боловсруулах чадвараар нь нэр дэвшигчдээ сонгох нь хамгийн зөв хувилбар. Дэлхийн улстөрчид бодлогоор өрсөлдөж, мэтгэлцээнээр танигддаг. Жишээ нь, БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа 21 хоног. Энэ хугацаанд зургаан удаагийн мэтгэлцээнийг явуулдаг юм билээ. Гэтэл манайд 21 аймгаа тойрч, асар их зардал шаардсан, массыг хамарсан кампаничилсан үр дүн багатай сонгууль явуулсаар л байна. Тиймээс бодлогоор өрсөлддөг, бодлогын мэтгэлцээн хийдэг шинэ соёлыг төлөвшүүлэх хэрэгтэй. Сонгуулийг мөнгөний биш, бодлогын өрсөлдөөн болгох цаг ирсэн.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Даваасүрэн: Эрчим хүчний салбарын хүний нөөц данхайсан, цалингийн зардал асар өндөр байна

Эрчим хүчний яамнаас 2019 онд тус салбарт хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2020 онд хийгдэх ажлын төлөвлөгөөгөө өчигдөр танилцуулсан юм. Энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.


-Эрчим хүчний яам өнгөрсөн жилийг ухаалаг эрчим хүчийг дэмжих жил болгон зарласан. Харин энэ онд ямар бодлого баримталж байгаа вэ?

-2020 оныг бид эрчим хүчний байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх жил болгож зарлаж байгаа. Эрчим хүчний ухаалаг систем бий болгож, энэ салбарын инженер техникийн ажилчдаа хөгжүүлснээр бид Эрчим хүчний системийг найдвартай, тогтвортой, бие даасан болгох суурь ажлыг хийх юм байна. Өнгөрсөн жилүүдэд эрчим хүчний хэмжээнд аваар гарч байх үед тодорхой арга хэмжээ авдаг системтэй байсан. Тэгвэл ухаалаг систем бий болсноор аваараас урьдчилан сэргийлэх боломжтой болно. Ингэснээр найдвартай үйл ажиллагааг хангах боломжтой болох юм.

-Энэ онд ямар асуудал дээр голчлон анхаарах вэ?

-Эрчим хүчний салбарын хүний нөөцөд анхаарч ажиллана. Одоогийн байдлаар 200 хүн ажиллах станц дээр 1000 хүн ажиллаж байна. Бүтэц орон тоо данхайсан байна. Тэгэхээр бид автоматжисан, өндөр технологийг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Хүнээ сургах чиглэлд энэ жил анхаарна. Гэхдээ өндөр боловсрол эзэмшсэн ч гэсэн ажилд орохгүй байх тохиолдол байдаг. Тиймээс өндөр боловсрол эзэмшсэн хүмүүсийг салбарт нь дайчлах хэрэгтэй байна.

-Импортын эрчим хүчийг бууруулах чиглэлээр ямар ажил хийх вэ?

-Өдгөө бид эрчим хүчний хэрэглээнийхээ 19 хувийг импортоор авч байна. Гол хэрэглээ Оюу толгойд л байгаа. Өнгөрсөн жил бид “Оюу толгой”-н удирдлагуудтай уулзаж, цахилгаан станц барихаар тохиролцсон. Гэвч хөрөнгө оруулагч тал элдэв шалтаг тоочоод, өнөөдрийг хүртэл юу ч хийгээгүй л байна. ТЭЗҮ гараагүй. Хэдэн санал л ирсэн. Ийм ийм хувилбар байна, алийг нь авах вэ л гэсэн. Огт ярьж байгаагүй хувилбар буюу сэргээгдэх эрчим хүчээр хангая ч гэж байх шиг. Аль болох зайлсхийсэн, хүлээж авах боломжгүй саналуудыг л тавьж байгаа. Өнөөдөр бүрэн автомат, хамгийн үр ашигтай станцын 1мВт-ын үнэ нэг сая евро л байна. Гэтэл тэд гурав дахин өндөр үнээр станц барих тухай санал болгож байгаа. Ийм саналыг бид хүлээж авах боломжгүй. 300 мВт-ын станц барихад 300 сая евро л шаардлагатай. Гэтэл тэд тэрбум еврогийн тухай ярьж байгаа.

-Эрчим хүчний салбар алдагдалтай ажилласаар байгаа шүү дээ…

-Эрчим хүчний салбар 2018 онд 23, 2019 онд урьдчилсан гүйцэтгэлээр 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, гаргасан зардлаа нөхөж чадахгүй байгаа тул техникийн шинэчлэлээ хийж чадахгүйд хүрсэн. Эрчим хүчний үнэ нэмэгдэж байгаа нь нэг өрхийн нэг гишүүний гар утасны төлбөрөөс хямд үнээр цахилгаан эрчим хүчийг худалдан авч хэрэглэж байгаа. Салбар алдагдалтай ажиллаж, тоног төхөөрөмжөө өөрийн орлогоор шинэчлэх боломжгүй. Шинэчлэл хийж, алдагдалгүй ажиллахын тулд ухаалаг эрчим хүч буюу ухаалаг технологийг нэвтрүүлж, автоматжуулснаар үр ашиг гарна.

-Өнгөрсөн онд цахилгааны үнийг нэмсэн асуудал нь иргэдэд дарамт учруулж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Үнэ тарифын асуудлыг хуулийн дагуу 2012 оноос Эрчим хүчний зохицуулах хороо хариуцдаг болсон. Үнийн асуудалд бидний зүгээс бага зэрэг гомдолтой байдаг. Учир нь бид хөрөнгө оруулалт хийх хэмжээний үнээр эрчим хүчээ борлуулж чадахгүй байна. Өнөөдөр зарим айл өрхүүд гэр бүлийнхээ нэг гишүүний гар утасны төлбөрөөс хямд төлбөрийг эрчим хүчинд төлж байгаа. Гэтэл суурь болсон эрчим хүч нь өнөөдөр нурахаар байдалд байна. Бид одоогоор 11 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Энэ нь бид энэ жил өөрсдийн орлогоор шинэчлэлт хөрөнгө оруулалт хийж чадахгүй гэсэн үг. Мөн авч байгаа сэлбэг болон хэрэглэж байгаа түүхий эдийн үнэ нь зах зээлээ дагаад өсчихсөн. Бид шинэчлэл хийж чадахгүй байгаа учраас л ухаалаг системтэй болгож, үйл ажиллагааныхаа зардлыг багасгах чиглэлд анхаарч байгаа хэрэг. Өнөөдөр Монголд нарны эрчим хүчний үнэ дэлхийн зах зээлийн нэг киловатт эрчим хүчний үнээс дөрөв дахин, салхиных хоёр дахин өндөр үнэтэй байна. Үүнийг бууруулах ёстой. Ийм бизнесийн тогтолцоог бий болгочихоод өмнө нь нар, салхины маш олон лиценз олгосон байсан. Үүнийг цэгцлэхийн тулд өнгөрсөн хавар бид хамгийн бага үнийн санал тавьсан хүнд л станц барихаар болгож Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ жил л Монголд анх удаа 100 мегаваттын батарей хуримтлууртай том станц бий болно.

– Алдагдалгүй ажиллахын тулд юу хийх хэрэгтэй юм бэ?

-Нэг талаас эрчим хүчний зарцуулалтын оновчтой болгох чиглэл рүү явах ёстой нөгөө талаар зах зээлийн зарчмын дагуу үнэ тарифын хөдөлгөөнийг зохицуулах хороо хийх ёстой. Манайд дулаан үйлдвэрлэдэг онцлогтой. Гэхдээ гадны улсад 100 мегаваттын станц дээр нэг хүн ажиллаж болоод байхад манайд яагаад 400 хүн ажиллах ёстой вэ. Алдагдалгүй ажиллахын тулд иж бүрэн автоматжисан станц бий болгох нь зөв.

-Хийн хоолойн асуудлаар та мэдээлэл өгөхгүй юү?

-Бид ОХУ-тай ажлын хэсгээ байгуулсан бөгөөд хоёр улсын дэд сайд нар ахалсан ажлын хэсэг баримт мэдээллээ цуглуулах ажилдаа орсон байна. Харин БНХАУ-д хүсэлтээ тавьсан байна. Энэ нь шинэ коронавирусийн асуудлаас болж бага зэрэг хүндрэлтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Г.Загдаад доромжлуулсан албан хаагч Н.Мандуул: Эцэг, эхчүүдийн хүүхэдтэйгээ амьдрах эрхийг Г.Загдаа боож байна



Өнгөрсөн долоо хоногт “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа төрийн албан хаагчийг хэл амаар доромжилж, ёс бус үг хэллэгээр дайрсан бичлэг нийгмийн сүлжээнд тарсан. Бид Г.Загдаад доромжлуулсан төрийн албан хаагч, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуултай ярилцлаа.

-“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа танд ямар шаардлагыг тавьсан юм бэ?

-Би энд ажиллаж эхэлснээсээ хойш “Зөв амьдрах ухаан” ТББ-тай хамтран ажиллаж байна. Манай өмнөх удирдлагууд ч энэ хүнтэй хамтарч ажиллаж байсан. “Зөв амьдрах ухаан” ТББ-д архины хамааралтай насанд хүрсэн 65 хүн байгаа. Тэд нарыг архинаас нь хол байлгаж, ажилтай, орлоготой болгож амьдралыг нь сайжруулах тал дээр тус байгууллага ажиллаж байгаа. Сайн, муу ямар ч аргаар тэдэнд архи уулгахгүй байлгаад л байна. Манай байгууллага энэ ажлыг нь дэмжиж, холбогдох төслүүдийг удаа дараа хэрэгжүүлээд явж байгаа. Өнгөрсөн жил гэхэд “Зөв амьдрах ухаан” ТББ-тай хамтран хоёр төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ онд дахин нэг төслийг эхлүүлээд явж байна. Бид тухайн байгууллагыг дэмжиж, арга зүйгээр нь хангаж, төсөв мөнгийг нь гаргах байдлаар хамтран ажилладаг. Гэрээнийхээ дагуу тус байгууллага архины хамааралтай иргэдийг архинаас гаргах үүргийг хариуцна.

-Тус ТББ-д хэдэн хүүхэд байгаа вэ?

-“Зөв амьдрах ухаан” ТББ-д 62 хүүхэд бий. Энэ 62 хүүхдээс 55 нь тэнд амьдарч байгаа 65 хүний хүүхэд. Бид нар тэдгээр хүүхдүүдтэй холбоотой ямар нэг зүйлийг ярихгүй байгаа. Нэгэнт эцэг, эхтэйгээ байгаа хүүхэд хэний хашаанд байх нь хүний эрхийн асуудал. Бид нарын амьдрал тийм ч тэгш сайхан биш байгаа шүү дээ. Насанд хүрсэн хүн, Монгол Улсын үндсэн хуульд заасны дагуу хаана амьдрах нь тэр хүний эрхийн асуудал. Харин эцэг эх нь тэр төвд байхгүй долоон хүүхдийн асуудал бий. Тэдгээр хүүхдүүдийн асуудлыг хуулийн дагуу шийдэхээр бид ажиллаж байгаа. Энэ процесс дунд л Г.Загдаа гуай бид хоёрын дунд маргаан гарсан юм.

-Тэдгээр долоон хүүхэд яагаад “Зөв амьдрах ухаан” д байгаа юм бэ. Уг нь хуулиараа асрамжийн газар байх ёстой юм биш үү?

-Нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 17 асрамжийн газар бий. Энэ 17 газарт 27 асрамж, халамжийн төв байдаг. Одоогоор асрамжийн газарт 867 хүүхэд амьдарч байна. “Зөв амьдрах ухаан” ТББ-д байгаа долоон хүүхдийн хоёр нь энэ 27 асрамж, халамжийн төвийн нэг нь болох Бадамлянхуа төвд байх ёстой юм. Одоогоос дөрвөн жилийн өмнө тухайн үеийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж гарч Бадамлянхуа төвд энэ хоёр хүүхдийг байлгахаар болсон. Гэтэл одоог хүртэл тэр төв нь хоёр хүүхдийг авч чадахгүй, “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа гуай ч энэ хоёр хүүхдийг өгдөггүй, ийм адармаатай нөхцөл байдал үүссэн. Үлдсэн таван хүүхдийн гурав нь Чингэлтэй дүүргийн иргэн Сандагдоржийн хүүхдүүд. Тэр хүн найман жилийн хугацаанд “Зөв амьдрах ухаан” ТББ дээр хүүхдүүдтэйгээ цуг амьдарч байгаад 2018 онд тус төвөөс гарсан. Одоо нэг компанид хамгаалалтын ажилтнаар ажилладаг. Ажилтай, орлоготой болсон учраас Г.Загдаагаас гурван хүүхдээ авъя гэсэн. Өнөөдөр тэр хүний эцэг байх эрхийг нь шүүх хасаагүй, хязгаарлаагүй байна. Тиймээс тэр хүн гурван хүүхдийн аав нь мөн. Шүүх нь тэгж тогтоогоогүй байхад та бол архичин царайтай хүн байна, хүүхдүүдтэй чинь уулзуулахгүй гэж хэлэх эрх хуулийн дагуу байхгүй шүү дээ. Гэтэл Г.Загдаа гэдэг хүн өгөхгүй, гүрийгээд л байна даа. Ингэж эцэг, эхчүүдийн хүүхэдтэйгээ байх эрхийг боож болохгүй. Үлдсэн хоёр хүүхдийн нэг нь Халиунаа гэж эмэгтэйн хүүхэд. Халиун мөн л Г.Загдаа гуайн төвд байсан. Улмаар явсан. Хэсэг хугацааны дараа хүүхдээ ирж авъя гэдэг зүйл яригдахад юу болсныг олон нийтийн сүлжээгээр та бүхэн харсан байх. Одоог хүртэл авч чадахгүй байгаа. Дараагийн хүүхэд нь Чингэлтэй дүүргийн харьяат 10 настай хүүхэд бий. Энэ хүүхдийг Г.Загдаа гуай Чингэлтэй дүүргээс олж, ТББ дээрээ байлгаж байгаа. Ээжтэй нь бид нар холбогдсон. Ээж нь архины хамааралтай, эрүүл мэндийн асуудалтай байж байгаад одоо бие нь тэнхэрч байна. Бид ээж дээр нь ажиллаж байна. Та хүүхэдтэйгээ амьдрах уу, аль эсвэл асран хамгаалагчийг тогтоох, аль эсвэл асрамжийн төвд өгөх үү гэдэг зүйлийг ярьж байгаа. Энэ бол тийм ч амархан процесс биш.

-Холбогдох хуулиараа хүүхдийг яах ёстой байдаг вэ. Хүмүүс гайхаж байгаа байх?

-Эцэг эхгүй, бүтэн өнчин, харгалзах хүнгүй, хаягдсан, гээгдсэн, хүчирхийллийн золиос болсон хүүхэд байлаа гэхэд иргэнээс 108 утсанд бидэнд дуудлага ирдэг. Ингээд тэр хүүхдэд бид нөхцөл байдлын үнэлгээ хийдэг. Бага дунд гэсэн эрсдэлийн түвшин гарах юм бол ар гэртэй нь ажиллана. Өндөр эрсдэлийн зэрэг тогтоогдох юм бол тухайн хүүхдийг түр хамгаалах байранд байршуулна. Энэ хугацаанд тэр хүүхдэд эрүүл мэндийн болон бусад үйлчилгээг үзүүлдэг. Энэ үед хүүхдийг яах вэ гэдэг асуудлаар хүүхдийн байгууллагынхан ажиллаж байдаг. Тухайн хүүхдэд эцэг эх байгаа юм уу, байвал хаана байгаа юм. Асран хамгаалагчаар тогтоочих хүн бий юү. Тэр хүн нь хүүхдийг авъя гэж зөвшөөрөх үү, үгүй юү гэх мэт олон ажил явагдана. Аав, ээж нь байхгүй бол шууд асрамжийн төвд өгнө гэсэн үг биш л дээ. Магадгүй өвөө, эмээ, ах, эгч нь хүүхдийг өөр дээрээ авъя гэдэг санал тавих юм бол тэр хүн дээр нь ажиллаж, асран хамгаалагч болох боломж байна уу гэдгийг нь тогтооно. Боломжтой бол түр хамгаалах байрнаас хүүхдийг шилжүүлдэг. Асран хамгаалагч олдоогүй тохиолдолд харьяалах дүүргийн Засаг даргадаа хандаж, Засаг дарга нь аль нэг асрамж, халамжийн төв рүү явуулах захирамж гаргана. Энэ захирамжийг бариад манай харьяа дүүргийн хүүхдийн нийгмийн асуудал хариуцсан ажилтан нөгөө хүүхдээ асрамжийн газарт аваачиж өгдөг. Г.Загдаа гуайн төв дээр яг энэ процесс дунд нь гацсан, захирамжийнхаа дагуу очиж чадаагүй хоёр хүүхэд бий гэдгийг дээр дурдсан.

-Яагаад тэр хүнээс хүүхдүүдийг авч, хуулийн дагуу шийдэж чадахгүй байгаа юм бэ?

-Бид нар хүүхдийг тэндээс авъя гэж хэд хэдэн удаа очсон. Гэвч өгөөгүй. Тэр байтугай хүний эрх, хууль хяналтын байгууллагынхантай очоод ч авч чадаагүй.

-“Зөв амьдрах ухаан” ТББ ер нь хүүхэд асрах зөвшөөрөлтэй юм уу?

-Энэ ТББ бол хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэл гэдэг зүйлийг авсан. Үүнийг манай дээд байгууллага болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Гэр бүл, хүүхэд залуучуудын газар олгосон байгаа.

-Энэ магадлан итгэмжлэл нь ямар эрх дархтай юм бэ?

-Хүүхэд хамгаалах чиглэлийн сургалт, нөлөөллийн ажиллагаа, бусад үйлчилгээг үзүүлэхэд энэ магадлан итгэмжлэл гэдэг зүйл хэрэглэгдэнэ. Энэ нь хүүхдэд үйлчилгээгээ үзүүлчихээд орой нь гэр рүү нь явуулах ёстой юм. Гэтэл “Зөв амьдрах ухаан” ТББ-д хүүхэд 24 цагаар байгаад байдаг. Хүүхдийг 24 цагаар байлгана гэдэг нь холбогдох хуулиараа асрамж, халамжийн газрын хийх ажил. Энэ ТББ-д асрамж, халамжийн газрын зөвшөөрөл байхгүй. Би Г.Загдаа гуайд хэд хэдэн удаа зөвшөөрлөө аваач ээ гэдэг шаардлага, зөвлөгөөг өгсөн. Энэ зөвшөөрлөө авчихвал ямар ч асуудалгүй болно. Гэхдээ зөвшөөрлөө аваагүй учраас хуулийн дагуу биш болчихож байгаа юм. Тиймээс би төрийн албан хаагчийн хувьд хуулийн дагуу бус ямар ч ажлыг боломжгүй гэдгийг хэлэх үүрэгтэй.

-“Зөв амьдрах ухаан” ТББ дээр та бүхэн очиж хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг шалгасан уу?

-Бид нар байнга очиж шалгадаг. Гэхдээ ганцаарчилсан уулзалт хийлгэдэггүй. Заавал хамт олны уулзалт хийж, өөрөө байнга байдаг. Энэ ТББ дотор хүнийг хорьдог, цагддаг зүйл байгаа эсэхийг бид нар мэдэхгүй.

-Бичлэг дээр Г.Загдаа гуай нэлээн бухимдаж, ёс бус үг хэллэгээр таныг доромжилж байсан. тэр хүний энэ үйлдлийг тэвчихэд ямар байв?

-Би зарчмын шаардлагаа л тавьсан. Хараа хяналтгүй хүүхдүүдээ бид нар авмаар байна гэдгээ ч хэлсэн. Хуулийн дагуу л бүх зүйл байх ёстой. Гэтэл тэр хүн уурласан. Төрийн албаны хууль, төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн дүрмийн дагуу иргэнтэй харьцахад хувийн харилцаа гаргах эрх надад байхгүй. Тэр хүн шаардлагаа тавьж, би тайлбараа хийсэн. Тэгээд зөрүүлээд намайг шаардлагаа тавихад уурласан, намайг доромжилсон. Гэхдээ би тэр хүнд гомдож, гомдолтой байна гэж өргөдөл өгөөд явахгүй. Иргэн хүн шүү дээ. Бид нар төрийн албан хаагч байхгүй юу. Тиймээс бид иргэдийн үгийг сонсож, иргэддээ үйлчлэх ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Гарамжав: Гэр бүлийн хүмүүжил, боловсролыг сургуулиуд, сургуулийн өмнөх боловсролд тусгаж өгөхөөр болсон

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ярилцлаа.


-Намрын чуулган хаалаа. Та Уул уурхайн салбарын хүн. Тиймээс энэ салбарт ямар бодлого баримталж, эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэхийг хичээж ажиллав?

-Оюу толгойн асуудал дээр анхны гэрээг учир дутагдалтай хийсний улмаас УИХ Монгол Улсын эрх ашгийг хангаагүй гэрээ хэлцэл хийсэн гэдгийг анх удаа хүлээн зөвшөөрч дүгнэлт гаргасан. Тиймээс энэ асуудал дээр ажлын хэсэг гарч ажилласан. Тэр ажлын хэсэгт би орж ажиллалаа. Оюу толгойг Монгол Улсад ашигтай болгох чиглэлийг УИХ-ын зүгээс Засгийн газарт өгсөн тогтоолын төслийг баталсан. Тогтоолын төсөлд гэрээ хэлэлцээрийг сайжруулах, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлж хийх, мөн байгаль орчны асуудлуудыг онцгой анхаарах, усны нөөцийн шинэчилсэн тооцоо хийх, Оюу толгойн техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн хийх, нөөцийг тодорхойлох, Монгол Улсын эрх ашгийг хангуулах талаар тодорхой үр дүнд хүрсэн гараа хэлцлийг байгуулах, чиг үүргийг УИХ-ын зүгээс гаргаж, тогтоолын төслөө баталж, Засгийн газарт үүрэг болгосон. Энэ чиглэлээр Засгийн газар ажиллаад явж байна.

-УИХ-ын намрын чуулганаар Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд завсарлалаа. Хуульд оруулж байгаа гол өөрчлөлт нь юу вэ. Ер нь хаврын чуулгандаа багтаад батлагдаж чадах болов уу?

-Хаврын чуулгандаа амжиж батлагдана гэж бодож байна. Гэр бүлийг төрөөс дэмжих, нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого зэрэг тулгарч буй асуудал олон бий. Тиймээс энэ асуудлын заримыг төрийн оролцоотой хэрхэн шийдвэрлэх талаар хуульдаа тусгалаа. Энэ хуулиар өмнө нь тус хуульд байгаагүй асуудлуудыг иж бүрнээр нь шийдэхийг зорьсон. Тэгэхдээ төрөөс гэр бүлийг дэмжих чиглэлд түлхүү анхаарна. Түүнчлэн нийгэм, эдийн засагт тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Хуулийн төсөлд хүүхэд үрчлэх асуудал, гадны хүнтэй гэр бүл болсноос үүдсэн маргааныг шийдвэрлэх, гэр бүлийн хүмүүжлийг хүүхдэд багаас нь олгож, сургуулийн өмнөх боловсролоос эхлэн мэдээлэл олгох зэрэг өөрчлөлт тусгаад байна. Ер нь энэ хуулийг бүтнээр нь шинэчлэн найруулах шаардлага байгаа.

-Ер нь манай улс нийтдээ хэчнээн гэр бүлтэй вэ?

-Монгол Улсад жилд 20 мянга орчим гэр бүл шинээр нэмэгддэг. Нийт 890 мянган гэр бүлтэй. Гэр бүлтэй холбоотой бидэнд ярих юм их бий.

Гэр бүлийн хуульд өөрчлөлт оруулахад нэлээн судалгаатай, үндэс суурьтай хандах ёстой байх. Ямар зохицуулалтууд орж байна?

-Тухайлбал, хүүхэд үрчлэхтэй холбоотой, гадаадын хүнтэй гэр бүл болсон хүмүүсийн маргаантай асуудал, тэдний үр хүүхдийг хэрхэн бүртгэх вэ, салалтаас үүдэлтэй гарч байгаа үр дагаврыг яаж, хэрхэн шийдвэрлэх вэ гэх мэт асуудлыг зохицуулах зохицуулалт нэлээн орсон. Гэр бүлийн хүмүүжил, боловсролыг сургуулиудад, сургуулийн өмнөх боловсролд тусгаж өгье гэсэн санаа орсон. Тиймээс төсөв мөнгийг шийдвэрлэх асуудал яригдаж байгаа.

-Гэр бүл салалтаас болж хүүхдийн эрх нэлээд зөрчигдөж байна шүү дээ?

-Бидний өмнө тулгамдаад байгаа хамгийн том асуудал нь гэр бүлийн эдийн засаг, орлогогүй байдал. Тухайн гэр бүлд байгаа гишүүдийн хоёр, гурвыг нь ажилтай байлгах, ажлын байраар хангах бодлогыг хамгийн түрүүн төр засаг дэмжиж шийдвэрлэх ёстой. Цааш ухаад үзэхээр ажлын байрыг хэн бий болгох вэ, ажлын байр бий болгогчдоо хэрхэн дэмжих вэ гээд нийгмийн бусад зүйлс нь уялдаа холбоотой холбогдоод явах учиртай юм. Одоохондоо гэр бүлийн харилцаанаас үүссэн тулгамдсан асуудлыг зах зухаас нь оруулж ирсэн болохоос биш гэр бүлийн ажилгүй, орлогогүй байдлыг арилгах, гэр бүл салалтын гол шалтгаан эдийн засгийг дэмжих талаар шийдвэрлэж чадаагүй.

-Гэр бүл салалтад ямар хүчин зүйлүүд нөлөөлж байна вэ?

-Гэр бүл салалтад нөлөөлж буй хүчин зүйлүүдийн нэг нь ажилгүйдэл, эдийн засгийн тогтворгүй байдал. Орлоготой, мөнгөтэй болохоор залуус харийн орныг зорьж, улмаар тэр нь гэр бүл салалтад нөлөөлж байна. Түүнчлэн зургаан настай хүүхдүүд сургуульд ордог болсонтой холбоотой залуу гэр бүлийн салалтын тоо нэмэгдсэн. Хөдөө бол ээж нь хүүхдээ сургуульд сургахаар сумын төв рүү явж, аав нь хөдөө малаа маллана. Ингээд хол байсан хүмүүс ойлголцохгүй байх зэргээс шалтгаалж гэр бүл салж байна. Тиймээс нийгмийн цогц бодлого хэрэгтэй.

-Тухайлбал?

-Зургаан настай хүүхдийг сургуульд сургахдаа гэр шиг нь байх дотуур байрны орчин бүрдүүлж, эцэг, эх шиг нь анхаарал халамж тавих мэргэжилтнүүдийг бэлтгэх ёстой. Үүнд зориулсан санхүүжилтийг ч шийдэх шаардлага бий. Хүүхэд хамгааллын чиглэлээр төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа ч гэр бүлийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Хуулийн төсөлд гэрлэхээс өмнө гэрээ байгуулах талаар тусгасан. Нэг гэр бүлд маргаан гарч, салахаар болоход эд хөрөнгийн маргаан их гардаг. Үүнийг гэр бүлийн хууль зохицуулдаггүй байлаа.

-Хүүхдээ ганцааранг нь гэртээ цоожилж үлдээдэг, эсвэл унтуулаад ажилдаа явснаас болж хүүхэд хохирсон харамсалтай жишээ олон бий. Энэ талаар хуульд тусгасан уу?

-Оруулж өгсөн. Тэгэхдээ тодорхой оруулж өгсөн. Хүүхдээ ганцааранг нь гэртээ үлдээснээс болж хүүхэд хохирвол цэвэр эцэг, эхийн буруу. Одоохондоо мөнгөн торгуулийн хэмжээг тусгаж өгсөн байна. Цаашдаа хариуцлагыг нэлээн чангална. Нийгмийг соён гэгээрүүлж, аав, ээжүүдийг хариуцлагажуулмаар байна.

-Гэмт хэрэг зөрчлийн тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Та ажлын хэсгийн ахлагчаар нь ажилласан. Энэ талаар ярихгүй юу?

-Энэ хууль маш том шинэчилсэн найруулга болсон. 22 жилийн дараа энэ хуулийг шинэчлэн найруулж, боловсруулж, батлан гаргалаа. Энэ хуулиар гэмт хэргийг гарсных нь дараа биш, өмнө нь сэргийлнэ. Энэ хуулийн гол онцлог нь төрийн ба төрийн бус байгууллагууд, ард иргэд, нийтийн оролцоог энэ хуулиар хангаж өгсөн. Хуучин гэмт хэрэг зөрчлөөс цагдан сэргийлэх байгууллага л урьдчилан сэргийлэх мэтээр боддог байлаа. Гэтэл одоо төр ба төрийн бус байгууллагууд, хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд, хувь хүн, иргэд, олон нийтийн оролцоог маш өргөнөөр оруулж өгсөн. Мөн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг бүх шатанд хийж өгнө гэж заасан.

Нийгмийн ажилтнуудыг бэлтгэхээс эхлүүлээд энэ бүх ажлууд тодорхой санхүүжилтээр хийгдэх ёстой. Тийм зохицуулалтыг мөн оруулж өгсөн байгаа. Санхүүжилт нь сайн шийдэгдэж өгсөн.


Categories
мэдээ цаг-үе

С.Ганзориг: 1990 оноос өмнө бүтээгдсэн бүтээл болгон төрийн өмч

Оюуны өмчийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзоригтой ярилцлаа.


-Оюуны өмчийн тухай хууль уиХ-аар батлагдлаа. Энэ хууль батлагдахаас өмнө оюуны өмчийн салбарт ямар бэрхшээлүүд үүсдэг байв?

-Оюуны өмчийн газар нь одоо мөрдөгдөж буй Патентийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, хэрэгжүүлэн ажилладаг. Эдгээр хуулийн дагуу патент, гэрчилгээ олгож, зохиогчийн эрх үүсч байгаа боловч патент, гэрчилгээ болон зохиогчийн эрх эзэмшигч нь оюуны өмчийн үр шимийг тэр бүр хүртэж чаддаггүй. Оюуны өмч бүтээхийг урамшуулах, хамгаалах, үнэлэмжийг өсгөхийн зорилго нь түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд оршдог. Монгол Улсын оюуны өмчийн салбарт мөрдөгдөж байгаа дээрх хуулиуд нь оюуны өмчийг төрөөс хамгаалах харилцааг голчлон зохицуулдаг ч хамгаалагдсан оюуны өмчийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэхийг зохицуулаагүй байдаг. Энэ нь оюуны өмч нь патент, гэрчилгээ, хуулиар хамгаалагдсан ч эдийн засгийн үнэлэмж сул тул хуулийн этгээдэд оюуны өмчөөр хөрөнгө оруулах, оюуны өмчийн эрхээ барьцаалах, худалдах, тодорхой хугацаагаар бусдад ашиглуулах зэргээр иргэний эрх зүйн харилцаанд оролцоход эдийн хөрөнгөөс доогуур үнэлэгдэх бэрхшээлийг бий болгож байсан. Уг оюуны өмчийн эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн зохицуулалтыг УИХ-ын гишүүн Н.Учрал санаачилж боловсруулаад УИХ-д өргөн барьж, батлууллаа. Энэ хууль батлагдсанаар оюуны өмчийн үр өгөөжийг хүртэх эрх зүйн хамгаалалттай болж байна гэсэн үг.

-Оюуны өмчийн тухай хуулийн гол зорилго нь юу вэ?

-Оюуны өмч буюу хамгаалагдчихсан патент, бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, оюуны өмчийн эрхээр хамгаалах бүтээлийг тодорхойлох, оюуны өмчийг хамгаалах зарчмыг энэ хуулиар бий болгож өгч байгаа. Мөн оюуны өмчийн байгууллагын бүтэц, чиг үүргийг тогтоосон. Одоо мөрдөгдөж байгаа патентийн хууль болон Зохиогчийн эрхийн хууль, Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулиудаар энэ байгууллагын чиг үүргийг тус тусад нь зохицуулсан байдаг. Түүнчлэн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой харилцааг зөвхөн барьцаалах, даатгуулах гэх мэтийн харилцаагаар зохицуулсан. Яг яаж үнэлгээжүүлэх, хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах талаар байдаггүй. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд үнэлгээжүүлэх ёстой. Тэгэхээр бид тэр хөрөнгийг үнэлдэг арга, бүтэцтэй болох ёстой гэсэн үг. Энэ хуулийн гол зорилго нь оюуны өмчийг үнэ цэнэтэй болгоё, үр шимийг нь хүртээдэг, бодит үнэлгээг тогтоодог болгоё гэсэн зорилготой юм. Мэдээж энэ үнэлгээг тогтоосны дараа эдийн засгийн эргэлтэд орох процесс нь эхэлж байгаа. Барьцаалах, даатгуулах, мөн өөрсдийн бараа бүтээгдэхүүн, оюуны өмчийн патент, гэрчилгээнүүдийг үнэ цэнэтэй болгох, эргээд хэрэглэгчийн гар дээр очсон бүтээгдэхүүн болгон патент, оюуны өмчид шингэсэн үнэт зүйлүүд байдаг. Тэгэхээр тухайн компани болон иргэн аж ахуй нэгж, өөрсдийн оюуны өмчийг үнэлүүлж эхэлнэ гэсэн үг. Үнэлүүлж байна гэдэг нь барьцаанд тавьж, даатгалд хамруулж болно гэсэн үг.

-Оюуны өмчийг ямар аргачлалаар үнэлдэг юм бэ?

-Би А гэдэг бүтээгдэхүүнийг Б гэдэг компаниас авлаа гэхэд А гэх бүтээгдэхүүнд брэндийн үнэлгээг хийж өгнө гэсэн үг. Тэр үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний хуульд заасан аргачлалын дагуу Хөрөнгийн үнэлгээний институттэй хамтарч, хийхээр зохицуулж байгаа гэсэн үг. Мөн оюуны өмчийн газар дэргэдээ Оюуны өмчийн үндэсний зөвлөлтэй байхаар хуульд орж ирж байгаа. Үүнтэй холбоотой бүх дүрэм, журмыг Засгийн газар болон харьяалах сайдын дүрэм журмаар батлагдах зохицуулалт орж ирж байгаа. Түүнчлэн оюуны өмчийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэх гэж байгаа. Мөн өмнөх хуулиуд дээр оюуны өмч гэдэг тодорхойлолт байхгүй байсан. Оюуны өмч гэхээр зөвхөн олон улсын гэрээ, конвенцид дурдагдсан байсан болохоос үндэсний хууль тогтоомжид байгаагүй. Энэ хуулинд оюуны өмчийг товч тодорхой тодорхойлж өгсөн. Тэгэхдээ оюуны өмчийг аж үйлдвэр болон зохиогчийн эрх гэж хоёр хуваасан.

-Оюуны өмчийн салбарт хамгийн тулгамдсан асуудал нь юу вэ?

-Салбарт ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг мэдээлэл аягүй дутмаг байна. Оюуны өмчийн талаарх ойлголт дутуу байна. Ер нь олон нийтийн оюуны өмчийн талаарх ойлголт маш дутмаг. Тиймээс манай байгууллагаас оюуны өмчийг сурталчлахаар өнгөрсөн онд 19 цагийн телевизийн мэдээлэл, 45 сургалт хийсэн. Байгууллага дотор боловсон хүчний асуудал тулгамдаж байгаа. Шинэ хуулиар оюуны өмчийн шинжээч, байцаагчдыг албан ёсоор хуульчилсан. Шинжээч нь салбартаа хоёр жилээс доошгүй ажилласан, хэлний болоод техникийн мэдлэгтэй байх ёстой. Тиймээс боловсон хүчин бэлтгэхэд тавигдах шаардлага. Мэдээж мэдлэгтэй хүмүүс их байгаа ч энэ нөхцөл, цалингийн хамаарлаас болоод боловсон хүчинг бэлтгэхэд хүндрэлтэй болох байх.

-Оюуны өмч дээр барааны тэмдэгт гэдэг нэлээд асуудалтай сэдэв. Жишээ нь, нэг том эмнэлгийн логог эмнэлгийн захирлаас нь өөр хүн эзэмшиж, зохиогчийн эрхийг нь авснаар өмчийн маргаан үүссэн тохиолдлыг мэдэх юм байна…

-Лого нь Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулиар зохицуулагддаг. Дан дүрсээр илэрхийлэгдэж байвал дүрсэн барааны тэмдэг гэж явдаг. Үг ороод эхэлбэл хосолмол бараан тэмдэг гэх мэтээр зохицуулагдаж байгаа. Таны дурдсан жишээг ярья. А гэдэг хүн Б гэдэг хүний логог эзэмшчихвэл энэ дээр маргаан гарч маргаан шийдвэрлэх комиссоор зохицуулагдаад явах боломжтой. Үүн дээр шүүхийн байгууллагууд ч маргаанд оролцоод явдаг. Нөгөө талдаа аж ахуйн нэгж байгууллагын эзэн нь өөрсдөө хувь хүний нэр дээр лого буюу бараан тэмдэгээ авчихдаг. Тэгээд эмнэлэгтээ хэрэглээд эхэлдэг. Хөрөнгө оруулагч нь өөрөө биш байдаг ч юм уу, эсвэл гүйцэтгэх удирдлагын түвшинд байж байгаад авчихсан тохиолдолд Компанийн тухай хуулиар зохицуулагдаад явах боломж бий.

-Цаг тооны бичиг, хуучны кинонууд гээд зохиогч нь байхгүй оюуны өмчийг төр авахаар боллоо. Үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?

-Төрийн өмчийн хорооны тогтоол байдаг. 1990 оноос өмнө бүтээгдсэн бүтээл бол төрийн өмч, 1990 оноос хойш бүтээгдсэн оюуны өмч бол хувь хүн буюу зохиогчдын өмч гэж үздэг. Үүгээр энэ асуудлыг зохицуулсан. Шинэ хуулинд энэ талаар зохицуулалт байхгүй.

-Оюуны өмчийн ойлголтын талаар манай шинжлэх ухааны салбарынхан мэддэг, хүндэлж, эрхэмлэдэг болсон. Жилд үйлчлүүлэгчдийн тоон өсөлтийг салбараар нь ангилбал манай шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн эзлэх хувь өндөр гарах болов уу?

-Монгол Улсад 1963 оноос өнөөг хүртэл шинэ бүтээлийн 4600 патент, ашигтай загварын 2792 гэрчилгээ, бүтээгдэхүүний загварын 3099 патент олгогдсон. Мөн үндэсний барааны тэмдгийн мэдүүлгээр 23887, Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээр, Протоколын дагуу 50298 барааны тэмдэг, зохиогчийн эрхийн 11110 бүтээл бүртгэгдэж, гэрчилгээ олгогджээ.

Өнгөрсөн онд шинжлэх ухаан, утга зохиолын салбарын 629 бичмэл бүтээлийг зохиогчийн эрхийн бүтээлийн санд бүртгэл хийсэн. Патентыг технологийн салбараар нь ангилан авч үзвэл хими-35.9 хувь, тоног төхөөрөмж-10.8 хувь, механик инженер-21.4 хувь бусад салбарт 31.9 хувийг тус тус эзэлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Цай Веньруй: Монгол нөхдийн сайхан сэтгэл, сайн үйлсийг хараад бид машид сэтгэл хөдөлж байна

БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Цай Веньруй энэ сарын 3-ны өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзаж, итгэмжлэх жуух бичгийн хуулбараа өргөн барьсан юм. Элчин сайд анхны ярилцлагаа “Өдрийн сонин”-д өглөө.


-Таны хувьд БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүргийг хүлээж аваад удаагүй байгаа. Монгол орон болон монголчуудын талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Би 1986 онд анх удаа БНХАУ-аас БНМАУ-д суух элчин сайдын яамны мэргэжилтнээр томилогдон Монголд ирж байлаа. 1986 оноос өнөөдрийг хүртэлх 30 гаруй жилийн 19 жилд нь Монголд ажиллаж амьдарсан байна.

Монгол Улс маань өргөн уудам нутагтай, үзэсгэлэнтэй байгальтай, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд таатай нөхцөл бүрдсэн газар. Энэ сайхан газар нутагт амьдардаг монгол иргэд элгэмсэг дотно, зочломтгой, шулуун шударга мөн авьяас билэгтэй.

Ийм сайхан улс орон, ард түмний дунд ажиллаж, амьдарна гэхээр маш таатай байна.

-Та өмнө нь Монголд нэг биш удаа томилогдон ажиллаж байсан. Тэр ч утгаараа Монголын зан заншил, хэл, соёлыг сайн мэддэг дипломатч. Харин одоо Элчин сайдаар томилогдон ажиллаж эхэллээ. Элчин сайдаар томилогдоод хийх хамгийн эхний ажил тань юу байх бол. Мөн урт хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

-Хамгийн түрүүнд би БНХАУ-ын засгийн газрын Монгол Улстай харилцахад баримталдаг төрийн бодлогыг яг таг хэрэгжүүлнэ. БНХАУ-ын засгийн газар Монгол Улстай харилцах харилцаагаа цаг ямагт чухалчилж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаандаа тодорхой, тууштай хандана. Эхлээд бид бие биенийгээ хүндэтгэж харилцан итгэлцэж, хоёр улсын төрийн харилцан итгэлцлийн түвшингээ дээшлүүлнэ. Хоёрдугаарт, хоёр тал бие биенийхээ эрх ашгийн цөмийг харилцан хүндэтгэж, харилцан дэмжинэ. Гуравдугаарт, харилцан ашигтай, хүртээмжтэй хамтын ажиллагааг хоёр тал хөгжүүлэх хэрэгтэй. Хамтын ажиллагаа ард түмэнд хүртээмжтэй байх нь илүү их чухал. Мөн ард түмэн хоорондын харилцаа, найрамдлыг бэхжүүлэхийн төлөө ажиллах болно. Хятадуудын хэлдгээр “Төрийн харилцаа бол ард иргэдийн харилцаанаас эхэлдэг. Ард иргэдийн харилцааны гол цөм нь бие биенийгээ ойлгоход оршино” гэдэг. Тиймээс ард түмэн хоорондын харилцааг улам бүр хөгжүүлэхийн төлөө бид ажиллана. Мөн олон улсын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй байна. “Бүс ба зам” санаачилгыг манай хоёр улсын хөгжлийн стратегид илүү их уялдуулан зохицуулах, хэрэгтэй байна. “Бүс ба зам” бодлогын хүрээнд хоёр тал бодит ажил, хамтын ажиллагаагаа эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Мөн бид энэ асуудал дээр Монголын холбогдох байгууллагатай илүү ойр дотно, идэвхтэйгээр хамтран ажиллах хэрэгтэй.

-Монгол, Хятад хоёр улсын эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд таны зүгээс ямар шинэлэг алхам хийх вэ?

-Манай хоёр улс хөршүүд. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд давуу тал ихтэй байдаг. Сүүлийн жилүүдэд бидний худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирлээ. Өнгөрсөн онд бидний худалдааны нийт эргэлт, 900 мянган ам.долларт хүрсэн. Энэ онд нэг сая ам.долларт хүргэнэ гэж бид төлөвлөж байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ хоёр талын хамтын ажиллагаанаас гадна БНХАУ, ОХУ, Монгол Улс гэх гурван талын хамтын ажиллагаа чухал. Хоёр талын хувьд дэд бүтцийн хөгжлийн салбарт илүү их хамтран ажиллах шаардлага, хэрэгцээ, бололцоо бий. Хамтын ажиллагаагаа хөгжүүлэхдээ шинэ орчинг бий болгох хэрэгтэй байна. Өнгөрсөн онд бид БНХАУ, Монгол Улсын хооронд хил орчмын худалдааны чөлөөт бүс байгуулах тухай хэлэлцээрийг байгууллаа. Цаашид энэ хэлэлцээрийг бодит ажил болгохын төлөө ажиллах болно. Хамтарсан чөлөөт бүсийг жинхэнэ ёсоор байгуулж, хэрэгжүүлж чадах юм бол хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ боломж, шинэ үүдийг нээх болно. Мөн Монгол Улс мал аж ахуйн орон. Мал аж ахуйн салбарт давуу тал ихтэй. Энэ боломжийг ашиглаж бид Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах, худалдааны чиглэлээр хамтран ажиллана. 2016 онд манай улсын ерөнхий сайд Монгол Улсад айлчлах үед хоёр улсын ерөнхий сайд энэ чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. Цаашид бид энэ тохиролцоог хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно. Түүнчлэн Уул уурхайн салбар хоёр орны хамтын ажиллагааны чухал салбар. Монгол Улс баялгаар баян орон. Бид хөрш орнууд учраас тээвэрлэлтэд давуу талтай. Мөн БНХАУ өргөн зах зээлтэй. Монгол Улсын байгалийн баялгийг боловсруулж, нэмүү өртгийг нэмэгдүүлэх, Монголын ард түмэнд илүү их ашиг тусыг хүртээх чиглэлээр бид хамтран ажиллах нь чухал байна.

-Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай та саяхан уулзаж, ярилцсан. Тэгэхдээ юу ярилцсан бэ?

-Сайдтай уулзаж, жуух бичгийн хуулбараа өргөн барилаа. Бид хоёр найрсгаар хоёр улсын харилцааг хэрхэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцож, ярилцлаа. Би БНХАУ-аас Монгол Улсад баримталж байгаа бодлогыг ярьсан. Сайд маань хоёр улсын харилцааг маш өндрөөр үнэлж байгаа гэдгийг сонсоход таатай байлаа. “БНХАУ, Монгол Улсын харилцаа улс орнуудын харилцааны үлгэр жишээ” гэж сайд маань дүгнэсэн байна лээ. Бүрэн санал нэгдэж байгаа. Цаашид хоёр тал хоёр улсын найрсаг ажил хэрэгч хамтын харилцааг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно.

-“Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд БНХАУ-тай хөрш зэргэлдээ болон бүс нутгийн орнууд идэвхтэй хамтран ажиллаж, үр шимийг нь хүртэж байна. Харин Монгол Улсын тухайд газар зүйн байршлаасаа шалтгаалан энэ санаачилгын хүрээнд татагдан орохоос илүүтэй, Орос, Монгол, Хятад гэсэн гурван улсын Эдийн засгийн коридор төслөөр холбогдож байна. Одоогоос бараг дөрвөн жилийн өмнө Гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэх дэд бүтцийн томоохон төслүүдээ тохирсон ч гүйцэтгэл хангалтгүй байгаа. Гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг хэрэгжүүлэхэд ямар саад бэрхшээл байна вэ?

-“Бүс ба зам” бол ганц Хятад улсын бодлого биш. Энэ бол олон улсын, бүс нутгийг хөгжүүлэх томоохон төсөл. БНХАУ-д ашигтай төдийгүй, нийт оролцож буй бүхий л улс оронд ашиг тусаа өгнө гэж үзэж байна. “Бүс ба зам”-ын гол үзэл санаа нь хамтаараа ярилцаж, зөвлөлдөж, ач тусыг нь хамтдаа хүртэх юм. БНХАУ болон Монгол Улс энэ хөтөлбөрөө хэрэгжүүлж, оролцоход газарзүйн хувьд ихээхэн давуу талтай. “Бүс ба зам”-ын стратегийн хүрээнд зургаан коридор байгуулахаар төлөвлөж байна. Үүний нэг нь БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын эдийн засгийн коридор юм. Гурван талын ярилцаж байгаагаар энэ коридорт нэлээд олон төсөл хамрагдаж байна. Түүний дотор дэд бүцийн төсөл болох Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд-ийн төмөр зам, автозамын төсөл болон боловсруулах үйлдвэр байгуулах төсөл орж байгаа. Түүнчлэн мөнгө, санхүү, чөлөөт худалдаа гээд маш олон төсөл бий. Эдгээрийг гурван тал нухацтай судалж, ярилцах хэрэгтэй. Ойрын үед эхлэх бололцоотой байгаа төслийг гурван тал сонгож, хэрэгжүүлж эхлэх нь аль, аль талдаа ашигтай шийдэл.

-Монгол Улсад Хятадын хөрөнгө оруулалттай олон аж ахуйн нэгж уул уурхай, дэд бүтцийн салбарт ажиллаж байна. Харин аж үйлдвэр, тэр тусмаа боловсруулах аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт хангалтгүй байна. Энэ байдлыг засахын тулд Хятадын Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна…

-Монгол Улсад үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлого баримталж байгаа. Зарим арга хэмжээнүүдийг ч авч байна. БНХАУ-ын талаас дэмжиж байгаа. Ер нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд үндэсний аж үйлдвэрлэл илүү их боломжийг нээж өгнө. Эхний ээлжинд уул уурхайг түлхүү ашиглаж, олсон хөрөнгөөрөө аж үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлж болно. Энэ чиглэлд бид дэмжиж, хоёр тал хамтарч болно. БНХАУ-д техник, технологи бий. Санхүүгийн боломж ч бий. Тиймээс хоёр тал энэ хүрээнд хамтран ажиллах бололцоотой. Цаашид бид Монгол Улсад боловсруулах үйлдвэр, нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн гаргахад нь анхаарал хандуулах болно.

-БНХАУ болон Монгол Улсын харилцааг шинэ шатанд гаргахын тулд талууд юун дээр анхаарч ажиллах ёстой гэж та бодож байна вэ?

-Бидний харилцаа өндөр түвшинд хүрч байна. Энэ харилцааг хөгжүүлж, өргөжүүлэх гэрэлт ирээдүй бий. Д.Цогтбаатар сайдын дүгнэсэнчлэн үлгэр жишээч, харилцааг хадгалж, хөгжүүлэх, улс төрийн хүрээнд харилцан итгэлцэх итгэлцлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, энэ харилцааг урт удаан хугацаанд хөгжүүлэхэд тусалдаг эдийн засгийн хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх хэрэгтэй. Эдийн засгийн хамтын ажиллагаа бол улс төрийн харилцааг хөгжүүлэх томоохон хөшүүрэг юм. Гуравдугаарт, ард иргэд хоорондын харилцан танин мэдэх, ойлголцлыг дээшлүүлж, бататгах хэрэгтэй байна. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр дорвитой ахиц, дэвшлүүд гарч байна. Эргэж ирэхэд л ажиглагдаж байсан. Мөн олон улсын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, бие биенийгээ дэмжиж, тусалж, олон улсын тавцанд байр сууриа уялдуулан зохицуулах хэрэгтэй байна.

-Сүүлийн хоёр гурван жилд Хятадын сонгодог уран зохиолыг монгол уншигчдад таниулах, кино урлагийг монгол телевизүүдээр нэвтрүүлэх зэргээр соёлын харилцаа эрчимтэй явж байна. Гэвч дан нэг улсын соёлын контентыг телевизээр түлхүү гаргахад олон нийтийн зүгээс дургүйцэх хандлага ажиглагддаг. Энэ хандлага Өмнөд Солонгосын олон ангит кинонуудын тухайд ч ажиглагддаг. Манай хоёр улс түүх, соёлын урт удаан жилийн түүхтэй. Энэ түүхийг харуулсан хамтарсан соёлын контент бүтээх замаар энэ хандлагыг зөөллөх боломж харагддаг. Энэ тал дээр таны бодлыг сонсмоор байна…

-Чухал сэдэв. Манай хоёр ард түмэн өнө удаан жилийн уламжлалт харилцаатай. Сэтгэл зүйн хувьд ч ижил төстэй. Тиймээс энэ тал дээр хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх нь давуу тал үүсгэнэ. Соёл урлагийн салбарт хамтран ажиллаж, бүтээл туурвихад бидний зүгээс дэмжинэ. Хоёр талын соёлын харилцааг хөгжүүлэх хэрэгтэй. Нэгэнт ийм бололцоо байгаа учраас ашиглах ёстой. Ялангуяа би хувь хүний зүгээс дэмжлэг үзүүлэх болно.

-Сүүлийн таван жил БНХАУ-ын дэмжлэгтэйгээр монгол оюутнуудыг Хятадад сургая гэсэн Хятадын Засгийн газрын дэмжлэг нэлээн сайн явсан. Энэ хөтөлбөр дуусч байна. Цаашид үргэлжлэх болов уу?

-Хамтын ажиллагааны өргөн ирээдүйг хөгжүүлэхэд бие биенийгээ ойлгож, мэдэрдэг боловсон хүчин хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд Монголд хятад хэл эзэмшсэн боловсон хүчин олноор нэмэгдэж байна. Энэ нь хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд маш том тус дэм болж байгаа. Хоёр талын боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг БНХАУ-ын тал маш их чухалчилж байна. Олон жилийн турш Хятадын засгийн газрын тэтгэлгээр оюутнуудыг сургасан. Одоо тогтмол квот нь 220 оюутан байна шүү дээ. Цаашид энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн төлөө байна. Хоёр талын боловсролын байгууллага энэ талаар ярилцаж байгаа. Энэ чиглэлд хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлнэ.

-БНХАУ-д коронавирусийн нөхцөл байдал хэр байгаа вэ. Дэгдэлт болон нас баралт өдөр бүр нэмэгдсээр байна шүү дээ?

-Өдгөө Хятадын ард түмэн халдварт өвчний эсрэг хатуу тэмцэж байна. Си Жиньпин дарга биечлэн удирдан зохион байгуулж, Ли Көчян ерөнхий сайд өвчний тархалттай тэмцэх төв ажлын хэсгийг удирдан бүх талын ажлыг зохион байгуулж, улс орон даяар тархалттай тэмцэх нэгдсэн системийг шуурхай байгуулан хамгийн цогц, хамгийн хатуу арга хэмжээг аван ажиллаж байна. Эдгээрийн олон арга хэмжээ “Олон улсын эрүүл мэндийн дүрэм”-ийн шаардлага болон ДЭМБ-ын санал зөвлөгөөнөөс хавь илүү давсан. Өвчний тархалтын нөхцөл байдал хүнд, ээдрээтэй байгаа ч урьдчилан сэргийлэх ажил тасралтгүй ахицтай байна. Вирусийн эсрэг вакцин гаргаж авах судалгааг эхлүүлсэн бөгөөд тусгаарлах эмнэлгийн барилгын ажил дуусч эмнэлэг ашиглалтад ороод байна. Уг өвчнөөр халдварласан хүний тоо хэдий олон байгаа ч Хятадад халдварын улмаас нас барах магадлал маш бага буюу хоёр хувь байна. Энэ магадлал Эбола, H1N1, Амьсгалын цочмог халтай хам шинж (SARS), Ойрх Дорнодын амьсгалын замын хам шинж (MERS) зэрэг халдварт өвчнүүдтэй харьцуулахад харьцангуй бага аж. Одоогоор уг халдвар эдгэрсэн тохиолдол тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд нөхцөл байдал өөрчлөгдөж сайнаар эргэнэ гэдэгт итгэлтэй байна. Хятад улс Си Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын төвлөрсөн зөв удирдлагатай, Хятадын онцлогтой социализмын том асуудлыг төвлөрсөн хүчээр шийддэг тогтолцооны давуу талтай, эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн салбарын өндөр хөгжилтэй, бүх ард түмний эв нэгдэл, олон түмний эр зоригоор урагшилдаг оюун санааны эрч хүчтэй байна. Бидэнд энэ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, даван гарах итгэл, чадвар мөн нөөц бололцоо ч байгаа.

Урьдчилан сэргийлэх тал дээр Хятад улс юуны өмнө ард түмнийхээ амь насыг, эрүүл мэндийг хамгаалах хариуцлагаа биелүүлж, үүний зэрэгцээ дэлхий дахины эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалахад олон улсад хүлээсэн үүргээ биелүүлэх болно. Хятадын Засгийн газар өвчний тархалт үүссэн цагаас эхлэн нөхцөл байдалд нээлттэй, ил тод, үүрэг хариуцлагатайгаар хандаж, дотоод гадаадад тархалтын талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэж ирсэн. Мөн ДЭМБ-д өвчний тархалттай холбоотой нөхцөл байдлыг хамгийн түрүүнд мэдэгдэж, вирусийн генийн дарааллын талаарх мэдээллийг ДЭМБ болон бусад улс орнуудтай цаг тухайд нь, санаачилгатайгаар хуваалцан бүх тал дээр идэвхтэй хариу арга хэмжээ авч, олон улсад холбогдох хамтын ажиллагаагаа бэхжүүлж нөхцөл байдал харьцангуй хөнгөн буюу халдвар тохиолдлын тоо нийт халдвараар бүртгэгдсэн тохиолдлын нэг хувийг эзэлж байна. Мөн Монгол Улсад уг өвчний тохиолдол гараагүй буйд маш баяртай байна. Энэ бүх нөхцөл байдал Хятад улс өвчний тархалттай тэмцэж, дэлхийн бүх ард түмний эрүүл мэндийг хамгаалахаар хамгийн их хүчин зүтгэл гаргаж, хамгийн үр дүнтэй арга хэмжээ авч байгааг харуулж байна.

Олон улс БНХАУ-ын өвчний тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг өндрөөр үнэлж байна. ДЭМБ Хятад улс шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны тархалтын эсрэг шинжлэх ухаанч, үр дүнтэй арга хэрэглэж байна. Хятадын талын гаргаж буй хичээл зүтгэлийг хүндэтгэн сайшаах нь зүйтэй. Хятадын тал өвчнийг ялан дийлж чадна гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. ДЭМБ-ын ерөнхий захирал Терос Адханом, “Хятад улсын удирдлагууд болон ард иргэдийн өвчинтэй тэмцэж байгаа зүрх зоригийг хараад сэтгэл их хөдөлж байна. Хятад улсын авч хэрэгжүүлж буй хүчтэй арга хэмжээ зөвхөн Хятад төдийгүй дэлхий нийтэд тустай. Энэ үйл явдал Хятад улсын хариуцлагатай байдал, итгэл найдвар, чадварыг харуулж байна. Хятад улс дэлхийн улс орнуудад халдварт өвчинтэй тэмцэх шинэ үлгэр жишээг бий болгож өглөө” хэмээсэн юм. Герман, Сингапур, Англи зэрэг дэлхийн улс орнууд халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх, эмчлэх тал дээр Хятад улсаас үлгэр дуурайлал авч буйгаа илэрхийлэн, улс орнууд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, гар гараасаа барилцан халдварт өвчнийг ялан дийлэхийг уриалсан.

Нэгдүгээр сарын 30–ны өдөр, ДЭМБ шинэ төрлийн уушгины хатгалгаанаас үүдэн “Олон улсын онц байдал” зарласан нь Хятад улсын халдварын эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хангалтгүй байна гэсэн үг биш, харин эрүүл мэндийн тогтолцоо сул улс орнуудыг хамгаалах, өвчний тархалтын эсрэг илүү олон улс орнуудын хүч чадлыг дайчлахын тулд юм. Хоёрдугаар сарын гуравны өдөр, ДЭМБ-ын ерөнхий захирал Терос Адханом “Улс орнууд үнэн бодит байдалд тулгуурлан, шинжлэх ухаанч талаас нь дүгнэлт хийх нь зүйтэй. Сэрэмжлэх нь зүйтэй хэдий ч хэт дэвэргэх шаардлагагүй. ДЭМБ-аас улс орнууд ямар нэгэн харилцан зорчих хөдөлгөөн болон худалдааг хязгаарлах арга хэмжээ ав гэж зөвлөхгүй” хэмээн дахин мэдэгдсэн. Хятадын тал олон улстай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, халдварын эсрэг арга хэмжээг хамтран хийж гүйцэтгэхэд бэлэн байгаа ба улс орнууд Хятад улсад дэгдээд байгаа өвчний байдал болон урьдчилан сэргийлэх ажлыг бодитоор харна гэдэгт найдаж байна. Хэт хязгаарлах арга хэмжээ авах шаардлагагүй.

Олон улс орнууд төрөл бүрийн хэлбэрээр Хятад улсын халдварт өвчний эсрэг тэмцэх тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлж байхад АНУ эсрэгээрээ, Хятад улсад ямар ч бодит тусламж үзүүлээгүйгээр барахгүй, Хятад улсад дэгдсэн өвчний талаар хэт дэвэргэсэн хариу үйлдэл үзүүлж, хэтрүүлсэн тэмцэх арга хэмжээ авч байна. Тэр ч байтугай, зарим нэгэн өндөр албан тушаалтнууд Хятадын талаар нөхөрсөг бус тайлбар хийсэн нь муу үлгэр дуурайл үзүүлсэн хэрэг боллоо.

Зовох цагт нөхрийн чанар танигдана. Халдварт өвчин дэгдсэнээс хойш, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар БНХАУ-ын ерөнхий сайд Ли Көчян, Төрийн Зөвлөлийн гишүүд, Гадаад хэргийн сайд Ван И нарт Хятад улсыг дэмжиж буйгаа илэрхийлэн захидал илгээж, Монгол Улсын Засгийн газар Хятадын талд 200 мянган ам.долларын хандив үзүүлж буйгаа мэдэгдсэн. Монголын улс төрийн намуудын удирдлагууд болон найрсаг харилцаатай байгууллагууд, салбар бүрийн төлөөллүүд Хятад улсыг дэмжиж буйгаа илэрхийлэн, хандив өргөхийг уриалсан. Монгол нөхдийн сайхан сэтгэл, сайн үйлсийг хараад бид машид сэтгэл хөдөлж байна, чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ бүхэн сүүлийн жилүүдийн Хятад, Монгол хоёр орны харилцааны өндөр хөгжил, хоёр орны ард иргэдийн гүн гүнзгий найрамдлыг харууллаа. Саяхан, Монгол Улс Хятад, Монголын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Хятадын тал үүнийг ойлгож байгаа бөгөөд Монгол Улс ДЭМБ-ын зөвлөмжийг хүндэтгэж, Хятад, Монгол хоёр орны ард иргэдийн найрамдал, хоёр орны харилцааг сахин хамгаалах үүднээс зохих хязгаарлалтын арга хэмжээг аажмаар султгаж, хоёр орны иргэдийн зорчих хөдөлгөөн болон худалдааны сөрөг нөлөөг багасгана гэдэгт итгэлтэй байна.

-Та монгол хэл сурч, Монгол Улсад олон удаа томилогдон ажиллаж байсан хүн. Яагаад монгол хэл сонирхон судлах болсон бэ. Монгол хэлний том мэргэжилтний хувьд монгол хятад хэлнээ зохиол бүтээл орчуулж байсан уу?

-Монгол Улсын ачаар, Монголын багш нарын ачаар би монгол хэл судалж, сурч эзэмшсэн байна. Монголын уран зохиолыг унших дуртай. Монгол Улсын зарим бүтээлүүдийг хятад хэлэнд хөрвүүлж орчуулсан. Бээжингийн их сургуулийн багш Дулаан гуай Монголын шүлгийн түүврийг хятад хэлэнд орчуулсан. Цаашид Монголын ард түмний тухай ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд Монголын ном, бүтээлүүдийг хятад хэлэнд орчуулах ажлыг улам эрчимжүүлнэ.

-Та яагаад монгол хэлийг тэр олон мянган хэлээс онцлон гүнзгийрүүлэн суралцсан юм бэ?

-Монгол хэл сурна гэж анхандаа бодоогүй. Манай нутагт орос хэлийг нэлээд заадаг байлаа. Би хойд нутгийн хүүхэд учраас монгол хэлний факультетэд хуваарилагдсан. Анх сурахад хэцүү байсан. Дуудлага амаргүй байлаа. Тэгээд Монголд ирж ажиллаад, Элчин сайдын яамнаас намайг МУИС-д оруулж, хэлний дадлага хийлгэсэн. Монгол багш нарын ачаар монгол хэлийг эзэмшсэн. Надад сайхан багш нар хичээл зааж байсан. Чой.Лувсанжав багшаас эхлүүлээд л.

-Та Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэмжлэх жуух бичгээ удахгүй өргөн барина.

-Удахгүй эрхэм Ерөнхийлөгчид жуух бичгээ албан ёсоор өргөн барина. Тэсэн ядан хүлээж байна. Ерөнхийлөгчтэй уулзахдаа БНХАУ-ын Засгийн газраас монгол Улстай харилцах төрийн бодлогыг дахин давтан илэрхийлнэ. Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх нь БНХАУ-ын тууштай бодлого юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Жавхлан: Монголоо гэсэн үзэл бодлыг минь хүлээн зөвшөөрсөн нам байтугай чөтгөртэй ч хамтарч чадна

УИХ-ын гишүүн С.Жавхлантай ярилцлаа.


-2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирээд байна. Та нэр дэвших үү?

-Үүнийг ярихад хараахан эрт байна. С.Жавхлан гэдэг хүн улс төрд байх ёстой юу гэдгийг эхлээд түмэн олноосоо асууя.

-Танд улс төрийн намууд нэлээдгүй санал тавьж байгаа гэсэн. Үнэн үү?

-Би УИХ-ын гишүүнээр ажиллаж байх даа ЖДҮХС-гаас зээл авсангүй, офшор данс нээсэнгүй, хулгай дээрэм хийсэнгүй, буруу зүйл хийж, эв эеийг алдагдуулсангүй. Эсрэгээрээ хагаралдаад байвал монголчууд өөрсдөө хохирох тухай, үндэсний ёс заншлаа дээдлэх, өв уламжлалаа хайрлан хамгаалах талаар ярьсан.

Миний энэ эерэг хандлага нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, сайшаагдсан учраас бүхий л улс төрийн намууд манай намыг сонгооч ээ гэдэг саналыг тавьсан. Нялуунаас шулуухан нь дээр. Миний Монголоо гэсэн үзэл бодлыг хүлээн зөвшөөрсөн нам байтугай чөтгөртэй ч би хамтарч чадна.

Жавхлан намд орохгүй ээ. Харин миний үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрсөн намыг Жавхланд оруулж болох юм.

-Өнгөрсөн дөрвөн жил дуу хоолойгоо хэр хүргэж чадсан бэ?

-УИХ-ын чуулганаар дандаа голыг нь олж, үнэнийг хэлж, төрийн бузар булхай зүйлсийг илчилж, идээ бээрийг нь задалж чадлаа. Миний амласан ганц амлалт бол түмэн олны сэтгэлийг чилээж буй бусармаг зүйлстэй тэмцэх юм.

Түүнчлэн Монголын түмэн олон монгол дээлээ өмсөж, ёс заншлаа дээдэлж, үнэн, зөв, шударга зүйлс Монголын тал нутагт дэлгэрээсэй гэдэг байр сууриндаа ганхалгүй зогссон. Түүнээс таалагдах гэж санаан зоргоор зам тавьж, байшин барьж өгнө гэж амлахгүй гэдгээ шударгаар хэлсэн.

Үүнийг манай тойргийн иргэд ч мэдэж байгаа. Үнэнийг хэлээд суух бол маш том хариуцлага. Үүнийг хэн ч яагаад хэлж чадаагүй байна вэ гэхээр “Намаа өмөөрөх үү, бүлэглэлээ бодох уу, өөрийгөө бодох уу, ирэх дөрвөн жилээ бодох уу, дарга юу гэх бол” гээд олон зүйлд тархи нь эргэлзэж байдаг учраас бусад гишүүдийн хувьд зовлон байдаг юм байна лээ.

Уг нь хэлэхийг хүсдэг л байх. Энэ нь надад мэдрэгддэг. 2016-2020 оны УИХ-ын гишүүдийн хэлсэн үгийг шүүгээд үзвэл миний дайны арангад хүрч ирэх хүн ховор доо. Мэдээж, надаас илүү туршлагатай улстөрчид, надаас илүү бодлоготой, бодлогоо хэрэгжүүлж байгаа олон хүн бий. Бүгд муу гэж хэлэхгүй. Бас бүгд сайн гэж хэлж чадахгүй.

-Нийгмийн зөв залуурдах талаар та бишгүй ярьж ирсэн хүн. Таныхаар нийгмийг хэрхэн зөв залуурдах ёстой вэ?

-Залуурдах. Энэ үгний үндэс нь залуу гэж байгаа юм. Залуучууд идэвхэжмээр байна. Оюун санаагаа цэвэрлэж, соён гэгээрүүлэх ажлыг хийх хэрэгтэй. Энэ улсын цусны бөөм нь чи өөрөө юм. Тиймээс чи өөрийгөө өөрчил. Өөрийгөө өөрчлөхгүйгээр бусдыг өөрчилнө гэж үгүй. Монгол чамаас л эхэлнэ.

Хүн хэлэхээс нааш цаас чичихээс нааш гэдэг. Үг чинь үнэн зөв бол үйлдэл чинь зөв болдог. Тэгэхээр хүн бүрийн тархи, сэтгэл зүрх зөв байвал бид нарын үйлдэл ч зөв байна. Монголын эд эс болгон ийнхүү сэрсэн цагт л Монгол Улс мандан бадарч, эвлэлдэн нэгдэнэ. Үүнийг багцлаад Монголчлол гэж нэрлэдэг.

-Хөдөлгөөн үүсгэн байгуулаад явъя гэсэн бодол танд байдаг уу?

-Тийм зүйлийг хүсдэг. Нэгдэх амархан ч нэгдээд цаашаа явах хэцүү. Оюун санааны нэгдэл гэдэг бутардаггүй. Харин ашиг сонирхлын нэгдэл сэвшээ салхины аяыг даалгүй тарчихдаг. Монгол дээрээ нэгдэж чадаагүй мөнгөн дээр нэгдсэн улсууд яаж нэгнийгээ барьж иддэгийг бид нар харж байна.

-Та тойрог дээр хэрхэн ажилласан бэ?

-Би зам барьж өгье гэж амлаагүй. Тэгсэн ч маш их хөдөлгөөнтэй байсан. 2018 онд Баянзүрх дүүргийнхээ сургуульгүй байсан X хороонд нийслэлийн 142 дугаар сургуулийг төсөвт суулгаж 942 хүүхэд гэртээ ойрхон сургуультай болсон. УИХ-ын гишүүний бүтэн жилийн төсөв бүгд орсон.

2019 онд дөрвөн цэцэрлэг, хоёр сургууль төсөвт мөн суулгасан. Энэ ажил 2020 онд мөн үргэлжлээд явж байна. Гачууртын Шар хоолойн 3.9 км замын ажил ирэх гуравдугаар сараас ажиллах эхлэх гэж байна. Энэ ажил хойшилсоор байгаа.

Учир нь зам барих компаниудын хооронд тендерээс болж хоорондоо маргаж шүүхдэлцэж ажил удааширсан. Нийт хороодын иргэдээс ирсэн хүсэлт, санаа бодлыг чадлын хэрээр сайн сонсож ажилдаа тусгаж ажилласан. Иргэдээс ирсэн олон хүсэлт өргөдлүүдэд зохих ёсны хариултуудыг өгсөн.

-Та саяхан төрийн дууллыг шинэчлэн дууллаа. Хүмүүсийн сэтгэл их хөдөлж, таныг буцаад уран бүтээлээ хийгээд яваасай гэж ярих юм билээ?

-Дуу гэдэг аялгуутай яриа. Бүх монгол хүн төрийн дууллаа цээжлээсэй гэж бодож дуулсан. Соён гэгээрүүлэх ажилдаа ч шантралгүй зүтгэнэ. Би ЖДҮ авч, офшор данс нээж төрөөс мөнгө идсэн үйлдэл гаргасангүй. Надаас буруу зөрүү зүйл хайгаад гутааж харлуулах гээд олдохгүй болохоор ганц олсон алдаа нь тэр юм байна.

Миний ганцхан муу алдаа нь сайхан дуулдаг юм байна. Дуу бол ерөөлийн тарни. Хэдий тайзан дээр дуулахгүй байгаа ч төрийн ордонд дуу хоолойгоо хүргээд л явж байна. Буцаад уран бүтээлээ хийгээд явах хүсэл байлгүй яах вэ. Гэхдээ дуугаа дуулаад явж байх хооронд минь бүх газар, шороог маань зарчих гээд байна шүү дээ. Тэгэхээр миний дуу хоолой худлаа болох гээд байна.

-Таныг өнгөрсөн шинэ жилээр ирээд дуу дуулаад өгөөч гэсэн саналыг хүмүүс тавьсан уу?

-Тийм санал ирсэн. Нуугаад яах вэ.

-Та энэ дөрвөн жилийн хугацаанд ямар хууль батлуулав?

-Монгол Улсын сонгуулийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай заалт бүхий хуулийг санаачилсан. Энэ хууль маань сонгуулийн тухай хуульд өгүүлбэр төдий утга санаа нь гажуудаж орсон.

Гол үзэл санаа нь бол офшор данстай, ЖДҮ-гээс зээл авсан Монголын төрийн хөрөнгийг шамшигдуулсан луйварт орооцолдсон гэх хүмүүсийг их хуралд нэр дэвшүүлэхгүй гэсэн заалт бүхий хууль юм. Харамсалтай нь 100 хувь биеллээ олсонгүй. Монголд 650 гаруй салбар хуулиуд байна. Хуулиараа бол бид баян. Энэ их хууль байгаад амьдрал сайхан болсон нь хаана байна. Ёс заншил дотор хамгийн том бичигдээгүй хуулиуд бий.

-Бие даагч гишүүн учраас УИХ-д ганцаардах үе бишгүй л байх…

-Нэг талдаа маш их хаасан, хашсан зүйл байдаг. Ганц дайчин ганцаардахгүй гэдэгчлэн дуу хоолойгоо хүргэж чадсан. Үнэн ганцаддаггүй. Энэ их хэрүүлээ больж, эвлэрэлдэн нэгдэх он цаг ирсэн. Энэ ам цагаан хулгана жилд Монголын төр цэгцрээсэй. Иргэд зөв сонголтоо хийгээсэй. Ийм л зүйлийг амин зүрхнээсээ хүсэж явна даа.

-Та шинэ намтай холбоотой байгаа юу?

-Шударга иргэдийн нэгдсэн эвслийг би дэмжиж гурав, дөрвөн аймгаар явсан. Надад ШИНЭ нам санал тавьж, үзэл баримтлалаа явуулсан. Үзэл баримтлалтай нь танилцаж байгаа.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүллээ. Ингээд парламент 74 гишүүнтэй боллоо. Энд таны байр суурь ямар байгаа вэ?

-Н.Номтойбаяр гишүүн эдгээр асуудлуудаа шалгуулсан нь дээр шүү дээ. Өөрөө ч тийм бодолтой байх шиг байсан.

-Энэ удаагийн парламентад янз бүрийн асуудалд холбогдсон олон гишүүн байлаа шүү дээ. Тэдгээр хүмүүсээ эрх баригч нам аваад л үлддэг шүү дээ…

-Буруу зүйл хийсэн бол явах л ёстой. УИХ-ын танхим эрхэлж байдаг газар биш. ЖДҮ-д холбогдсон гишүүдийн асуудал алга болчихлоо. Үүнийг ч гэсэн яримаар байна.

-Сонгуулийн тухай хуулийг УИХ баталсан. Сонгуулийг томсгосон тойргоор явуулахыг та дэмжиж байгаа юу?

-Тойрог томроод ирнэ гэдэг маань улс орноо бодсон Монгол гэдэг нэгдсэн том бодлого руугаа зангидахад сайн талтай гэдэг үүднээс арай дээрдсэн болов уу гэж найдаж байна.

-Коронавирусийн асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Эзэн Чингис хаан өөрсдийн хийснийг ид, өөрсдийн хийснийг өмс. Эс тэгвээс бусдын идэж болно гэж сургасан байдаг.

Гэтэл титэм гэдэг ганцхан вирусээс болж яаж бужигнаж байгаагаа бид харах хэрэгтэй.

Амны хаалтаа хийж чадахгүй хэмжээнд бид ирчихээд байна. Намайг долоон настай сургуульд ороход хүүхэд болгоноор амны хаалт оёулж байсан. Үүнийг чинь хүн л хийж байгаа шүү дээ.

Гаднаас юм хайгаад гуйланчлаад яваад байх шаардлагагүй гэдгийг хэлмээр байна. Сая хүмүүс гурил аваад хөдөө гэр рүүгээ явж байна гэж байна. 2012 он ч гэсэн гэр рүүгээ л явж байсан. Болж бүтээд ирэхээр Монголоо үгүйсгэдэг. Болохоо байгаад ирэхээр Монголоо гэдэг. Эцсийн дүнд Монгол л биднийг аварна.

-Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг баталсан. Үйл явц нь хэр зөв явсан бэ?

-Сонгуульд ялалт байгуулаад Засгийн эрх авсан тэр үеэс л энэ асуудлыг ярьж эхлэх байсан юм. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх явцдаа тэтгэврийн зээлийг тэглэнэ гэдэг саналыг гаргасан бол ахмадууд бахархаж, баярлаж хүлээж авах байсан.

Гэтэл сонгуулийн жил эхлэв үү, үгүй юү нэг л сэрж боссон хүмүүс хайр зарлаад эхэллээ. Энэ бол тогтолцооны гажиг.

Та нарын зээлийг тэглэлээ одоо биднийг сонгооч ээ гээд ийм л том сонгуулийн сурталчилгааг төрийн дээд албан тушаалыг аваад сонгуулийн хуулийг уландаа гишгэж сонгуулийн сурталчилгаа хийж болдгийг бид харж байна. 2021 оны тавдугаар сард зээлгүй ахмадууд мөнгө олгохоор болсон.

Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуульд манай намаас дэвшсэн хүнийг дэмжээрэй гэж байгаа нэг талын авлигал. Таалагдах гэсэн арга. Үнэхээр хайртай бол сонгуульд гарсныхаа дараа ярьж эхлэх байсан. Тийм болохоор ахмадууд маань нэг зүйлийг ойлгоосой гэж хүсэж байна.

Энэ шийдвэр бол зөвхөн намын шийдвэр биш төрөөс гаргаж байгаа шийдвэр гэдгийг ойлгоорой. Би их хурал дээр хэлсэн. Хүнд тусалж байгаа бол чимээгүй туслаад явах шиг сайхан юм байдаггүй юм.

Categories
мэдээ цаг-үе

Н.Учрал: Цаг тооны бичиг болон хуучны кинонуудын зохиогчийн эрхийг төр авах ёстой

УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.


-Та Оюуны өмчийн тухай хуулийг санаачилж, батлууллаа. Манай улс Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хэрхэн уялдаж ажилладаг вэ?

-Монгол Улс 1979 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагад гишүүнээр элссэн. Бид утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах Венийн конвенц, аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисийн конвенцод нэгдэн орсон учраас олон улсад оюуны өмчийг хамгаалах үүрэг хүлээдэг. Дэлхийн оюуны өмчийн байгууллага Монгол Улсад тодорхой шаардлагуудыг тавьдаг. Тухайлбал, оюуны өмчийн тусдаа статустай агентлаг, төрийн захиргааны байгууллага байх ёстой гэдэг шаардлагыг тавьдаг байсан. 2016 онд Улсын бүртгэлийн байгууллагыг Оюны өмч, улсын бүртгэлийн газар болгосон. Энэ үйл явдалд Дэлхийн оюуны өмчийн байгууллага маш эмзэг хандсан шүү дээ.

-Яагаад вэ?

-Дэлхийн оюуны өмчийн байгууллага оюуны өмчийг хамгаал гэж тодорхой санхүүжилтийг манайд өгдөг. Гэтэл өнөөх санхүүжилтийг нь оюуны өмчийг хамгаалахад биш, төсөвтөө авчихдаг. Тэгээд өөр зүйлд захиран зарцуулдаг. Эдгээр асуудлуудад Дэлхийн оюуны өмчийн байгууллага эмзэг хандсан. Тэгээд би энэ асуудлаар Дэлхийн оюуны өмчийн байгууллагын захирал Фрэнсис Гарритай очиж уулзаж байлаа.

-Фрэнсис Гарри манай нөхцөл байдлын талаар юу гэж байх юм?

-Дэлхийн оюуны өмчийн байгууллагын захиралтай уулзахад “Танай оюуны өмчийн хамгаалалт муу байна. Бид та бүхэнд санхүүжилт өгдөг. Тэр санхжүүжилтийг та нар оюуны өмчийг хамгаалахад зориулдаггүй. Хоёрдугаарт, та нар оюуны өмчийн байгууллагыг бүртгэгч байгууллага болгосон. Уг нь оюуны өмч гэдэг эдийн засгийг төрөлжүүлэх гол салбар юм шүү дээ. Тэрийг яагаад харахгүй байгаа юм бэ. Монгол Улсын хоёр патентыг Дэлхийн оюуны өмчийн байгууллага бүртгэж авахад АНУ-аас дөрвөн компани 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтын санал тавьсан шүү дээ. Танай улсад маш их потенциаль байна” гэж Фрэнсис Гарри хэлсэн. Тэгээд Монголд ирээд би Улсын бүртгэл болон оюуны өмчийн байгууллагыг салгах Засгийн газрын хуулийг санаачилж, оюуны өмчийг тусад нь гаргасан даа.

-Оюуны өмч эдийн засгийн эргэлтэд яагаад орохгүй байсан юм бэ. Тогтолцоондоо байсан уу?

-Тийм. Оюуны өмч бүхэлдээ тогтолцооны хувьд хуульчлагдаагүй байсан.

Патентын хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын хууль, зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хууль гэж оюуны өмчийн гурван хууль байдаг. эдгээр хуулиуд оюуны өмчийн харилцааг зохицуулж байгаа болохоос тогтолцоог нь тусгаагүй байсан. Нэг үгээр оюуны өмчийн байгууллага гэж юу юм, оюуны өмчийн байцаагч гэж хэн юм, оюуны өмчийг яаж үнэлэх юм, оюуны өмчийн зуучлал, худалдаа гэж юу юм, оюуны өмчийн зөвлөх үйлчилгээ гэж юу юм, төрөөс ямар бодлогоор дэмжих ёстой юм гэх мэт ийм зохицуулалтыг огт хийж өгч чадаагүй байсан байхгүй юу. Ингээд Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийг санаачлаад батлуулсан. хууль батлагдахдаа Оюуны өмчийн тухай хууль гэдэг нэршилтэй гарлаа.

-Тэгэхээр оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдсэн гэж ойлгож болох уу?

-эдийн засгийн эргэлтэд оруулах буюу инноваци болгоход эхлээд байгууллагын тогтолцоо нь зөв байх ёстой. энэ хуулиар зохицуулалтуудыг нь хийж өгснөөр нь суурь нь тавигдсан гэж хэлж болно.

-Оюуны өмчийн тогтолцоог энэ хуулиар бүрэн тодорхойлсон уу?

-Тэгсэн. Тодруулбал, үндэсний хэмжээнд ямар тогтолцоог бүрдүүлж, ажиллах, улсын хэмжээнд оюуны өмчийн ямар агентлаг байх юм гэдгийг тодорхойлсон. энэ хуулиар Оюуны өмчийн ерөнхий зөвлөл гэж байгуулагдаж ерөнхий сайд тэргүүлэхээр тусгагдсан.

-Оюуны өмчийн зөвлөлийг Ерөнхий сайд биш, хариуцсан салбарынх нь сайд нь тэргүүлэх ёстой юм биш үү?

-Оюуны өмчийн эрхийг хамгаалахын тулд байгууллагын бүтэц, үйл ажиллагааны чиг үүрэг нь тодорхой байх шаардлага үүссэн. Оюуны өмчийн зөвлөлийг Ерөнхий сайд ахалж, дэд даргаар оюуны өмчийн асуудал эрхэлсэн сайд ажиллана. Оюуны өмч бол зөвхөн хууль зүйн асуудал биш эдийн засаг, эрүүл мэнд, хөдөө аж ахуй гээд хөндөгдөхгүй салбар гэж байдаггүй. Тиймээс энэ их үйл ажиллагааг уялдуулах үүднээс Ерөнхий сайдын дэргэдэх зөвлөл ажиллуулахаар тусгасан. хүнс, хөдөө аж ахуйн салбарт гэхэд маш олон барааны тэмдэг, газар зүйн заалтын гэрчилгээнүүд, бүтээгдэхүүний загварууд бий. Байгаль орчны салбарт ашигтай загварууд, эрчим хүчний салбарт гэхэд шинэ бүтээлүүд байна. Нөгөө талаасаа зохиогчийн эрхийн гэрчилгээнүүд гэхээр дуучид, уран бүтээлчдийн хөгжмийн зохиол, дууны шүлэг, кино уран бүтээлчдийн кино зохиолууд, контент үйлдвэрлэж байгаа хүмүүсийн зохиогчийн эрх гээд бий. Оюуны өмчийг аж үйлдвэрийн эрх, зохиогчийн эрх гэж хоёр ялгадаг. зохиогчийн эрхийн гэрчилгээгээр дуучид, уран бүтээлчид, контентчид, киночид хамгаалагдана. Эдгээрийг тогтолцооны хувьд тодорхой болгоод өгчихөж байгаа юм.

-Оюуны өмчийг хэрхэн үнэлэх вэ?

-Нэг эрдэмтэн лабораторид туршилт хийгээд утааг бууруулах өндөр үнэтэй зуухын загварыг хийчихлээ. хэрвээ хөрөнгө оруулалт нь хийгдвэл үнэ нь багасаад олон хувиар үйлдвэрлэгдчихнэ. Тэр бүтээгдэхүүний загварыг үнэлэх хэрэгтэй шүү дээ. үүнийг оюуны өмчийн мэргэшсэн үнэлгээчид хийнэ. Өмнө нь Монголд оюуны өмчийн мэргэшсэн үнэлгээ гэж байгаагүй. Одоогийн Мэргэшсэн үнэлгээчдийн институт гэдэг байгууллага үнэлгээ хийдэг. Тэнд оюуны өмчийн мэргэшсэн нэг ч үнэлгээчин байхгүй. Энэ хуулиар оюуны өмчийн мэргэшсэн үнэлгээчидтэй болж байгаа. энэ хуулиар мэргэшсэн үнэлгээчид оюуны өмчийг кодлоод, бүртгэдэг системийг хийж өгсөн. Тэгэхээр давхцахгүй. хиймэл оюун ухаан ашиглан код уншуулж бүтээл, бүтээгдэхүүнийг бүртгэснээр оюуны өмчийн давхардал гарахгүй. Жишээ нь, шинэ дуу гаргаж үүнийгээ хиймэл оюун ухаан ашиглан бүртгүүлснээр дараагийн ижил төстэй дууг бүртгэхгүй гэсэн үг. Тухайн программын “Дэмо” хувилбар гарсан. “АйСиТи” группын “Айтүүлс” компани блокчэйн технологи дээр хөрөнгийн бирж байгуулсан. Уг хуулийг санаачлахдаа би тус компанийн залууст программ бүтээх санал тавьсан. энэ программ бэлэн болсны дараа өмнө нь бүртгүүлсэн зохиогчийн эрхийг архивлаж оруулна.

Ингээд оюуны өмч үнэлэгддэг болчихлоо. Утааг бууруулах бүтээгдэхүүний загварыг хоёр тэрбум төгрөгөөр үнэлье гэвэл хөрөнгө оруулахын тулд банкинд тэр загварыг барьцаалж, олноор нь үйлдвэрлэх хөрөнгө оруулалтаа шийдэж, энэ тогтолцоо зөв горимоороо явна гэсэн үг. ингэснээр оюуны өмчийн мэргэшсэн үнэлгээчид үнэлгээг олгож, тэрүүгээрээ банкинд барьцаалж зээл авах эрхийг нь нээж өгнө.

Оюуны өмчийн хулгайчид гаарч байна шүү дээ. Киночид киногоо гаргалаа гэхэд гар утсаараа бичээд олшруулан тараачихаж болохгүй биз дээ.

-Оюуны өмчийн зуучлал гэж юу юм бэ?

-Оюуны өмчийн тухай хуулийг баталснаар зуучлалын үйлчилгээ үзүүлэх, оюуны өмчийн харилцаа бий болгох, худалдаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа. Жишээ нь, би чиний шинэ гаргасан дууг өөр хүнд зарж борлуулж болно. Тэгж зарж байгаа хүнийг зуучлагч буюу оюуны өмчийн бирж гээд байгаа юм. ийм үйлчилгээг үзүүлдэг төрөлжсөн сайт байгуулаад шинэ бүтээлийг тавьчихна.

Таны шинэ бүтээлийг мэргэшсэн үнэлгээчид гурван тэрбум төгрөг гээд үнэлчихвэл тэрийг нь иргэн худалдаж авч болдог. Тэгэхээр зуучлалаас олж байгаа орлогоос хувь бодохгүй гэж байгаа юм. Энэ хуулиар. Тэгэхээр зуучлалын компаниуд сэргээд ирнэ. Дээрээс нь шинэ бүтээл гаргаж байгаа хүмүүсийг дэмжиж байна. Нөгөө талаас хөрөнгө оруулагчидтай холбож байна. Энэ дээр зөвлөх үйл ажиллагаа явуулах компаниудын эрхийг хуулиар нээж өгч байгаа.

Түүнчлэн оюуны өмчтэй холбоотой маргааныг шүүх дээр очихгүй шийдвэрлэдэг болно. Монголчууд шинэ технологи, бүтээгдэхүүний загвар гаргаж, түүнийгээ хамгаалуулах эрх зүйн орчин бүрдсэн.

Оюуны өмчийн байцаагчийн эрхүүд тодорхой болж байгаа. Заавал шүүхэд хандахгүйгээр оюуны өмчийн хулгайтай тэмцэх боломжууд гарч ирж байна гэсэн үг. Энэ хууль бол Монголын ирээдүйг гэрэлтүүлэх хууль. Та шинэ санаа гаргавал сайхан амьдарч болно.

Мөн оюуны өмчийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх байгууллагад татварын таван хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Ингэснээр оюуны өмчийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх боломжийг нээлттэй болгож байгаа юм.

-Оюуны өмчийн тухай хуулийг хөл гартай болгох асуудал үлдлээ. Хэзээ эдгээр хөл гар болсон хуулиудыг өргөн барих вэ?

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Барааны тэмдэг, газарзүйн заалт, патентын хууль, Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хуулиудын ажлын хэсгийг ахалж ажилласан. Хаврын чуулганаар өргөн барьж батлуулна.

-Цаг тооны бичиг олон мянган жилийн тэртээ зохиогдсон оюуны бүтээл. Үүнийг эзэмшээд, эзэн суудаг хүмүүс байдаг. энэ хуулиар эдгээр асуудлыг зохицуулах уу?

-Цаг тооны бичиг болон хуучны кинонуудыг төр авах ёстой. Энэ хуулиар авах боломж нь бүрэн нээгдэж байгаа. Төр авсныхаа дараа сан байгуулж, оюуны өмчийн эзэмшигч нь тодорхойгүй бүтээлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, сангаа босгож ирнэ. Үүгээрээ оюуны бүтээлчдийг дэмжинэ.

-уиХ-ын даргын захирамжаар тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан. Та энэ ажлын хэсгийг ахалж байгаа. Ажил хэр урагштай явж байна вэ?

-Бид холбогдох мэдээллүүдийг цуглуулаад түүн дээр анализ хийж байна. 1995 оноос хойш манайх шимтгэлд суурилсан тогтолцоонд шилжсэн. Үүнээс хойш өнөөдөр ямар нөхцөл байдалд хүрснийг бүгд л харж байгаа. Үе үеийн Засгийн газрууд тэтгэврийн шинэчлэлийг ярьж ирсэн. Гэвч авч хэрэгжүүлдэг ганц арга хэмжээ нь Нийгмийн даатгалын сангаас хамгийн их алдагдалтай ажилладаг Тэтгэврийн сан нь алдагдлаа улсын төсвөөс нөхдөг, цаашлаад нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлдэг, эсвэл тэтгэврийн насыг хойшлуулахаас өөр ямар ч дорвитой арга хэмжээ авч ирсэнгүй. 2050 он гэхэд ДНБ-ийхээ таван хувьд хүргэх эрсдэл дагуулж байна. Тиймээс тэтгэврийн өнөөгийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэн. Тэтгэврийн тогтолцоо нь өөрөө “тэтгэвэрт” гарчихлаа гэдгийг иргэд олон нийт, судлаачид хэлдэг. Тиймээс ажлын хэсэг ирэх хаврын чуулганаар Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг батлуулахаар зэхэж байна.

Чуулганы завсарлагааны хугацаанд Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг өргөн барина. Энэ хуулиар тэтгэвэрт гарсан иргэн нэгдүгээрт төрийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авдаг хоёрт, хувийн тэтгэврийн сангаас мөн тэтгэвэр авдаг ийм зохицуулалтыг манай улс бий болгох ёстой. Ингэснээр хөрөнгийн зах зээл өргөжиж, төгрөгийн ханшийг тогтвортой барих зэрэг олон давуу тал бий болно. Мөн одоо төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл буюу ажил олгогч, ажилтан, төр гэсэн гурван субьектийн аль аль нь сэтгэл хангалуун бус тогтолцоо бий болчхоод байна. Тиймээс улсад төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээс тодорхой хувийг нь хувийн тэтгэврийн сандаа төлдөг байх тэр зохицуулалтыг тусгана.

-Тэгэхээр хоёр сангаас мөнгө авна гэсэн үг үү?

-Тэтгэвэр авагч улсын болон хувийн тэтгэврийн сангаас мөнгө авдаг болно. Нийгмийн даатгалын санд төлдөг шимтгэлээсээ улсаас тэтгэвэр авна. Харин хувийн тэтгэврийн санд иргэд сайн дураараа хамрагдана. 19 хувийн нийгмийн даатгал төлж байгаа бол үүний дөрвөн хувийг нь хувийн тэтгэврийн санд олгоно. Ингэхдээ иргэдээс санал авах ёстой. Цаашдаа хувийн тэтгэврийн сан хуримтлал үүсгэж, хүмүүст бэлэн мөнгөнөөс гадна бонд, хувьцаа эзэмших эрх санал болгож болно. Хувийн тэтгэврийн сан байгуулчихвал таван жилийн дараа хуримтлал үүсчихнэ. Ингээд хуримтлал үүсгэснээр мөнгөө урьдчилж авах боломжтойгоос гадна үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээж болно.

Ингэж тэтгэврийн санг хөрөнгө оруулагч болгох хэрэгтэй. Энэ хууль одоо тэтгэвэрт гарчихсан байгаа хүнд зориулаагүй. Залууст, ирээдүйд хэрэгтэй. Өр биш, өв үлдээдэг тогтолцоотой болно.

УИХ-ын намрын чуулганыг дүгнэвэл?

-Намрын чуулган түүхэнд байгаагүй ачаалалтай, олон цаг хуралдсан, Үндсэн хуулиа баталсан дэвшилтэт чуулган болсон.

Миний хувьд маш дэвшилттэй чуулган боллоо гэж үзэж байна. Та бүхний нөгөө Учрал агаарын юм ярилаа гээд байдаг инновацийн хуулийг олон жил ярьж байгаад батлууллаа. Гарааны компаниуд маш баяртай байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Оюунгэрэл: Архи гэх чимээгүй дайнтай чимээтэй тэмцэнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй ярилцлаа.


-Та бүхэн 2020 оныг архитай тэмцэх жил хэмээн зарлажээ. Эндээс ярилцлагаа эхэлье?

-2019 оныг бид хүчирхийлэлтэй тэмцэх жил болгон зарласан. Тэгэхдээ таван удаагийн том хэмжээний чуулган зохион байгуулсан байна. 21 аймгаар 32 удаа орон нутгийн томилолтоор явж, давтагдаагүй тоогоор 25 мянган иргэнтэй уулзсан. Эндээс маш олон зүйлийн суурь үзэгдэл нь архи юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдийн 80 гаруй хувь нь архины хамааралтай үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байдаг. Зам тээврийн ослын 40 гаруй хувь, бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдүүдийн 60 гаруй хувь, осгож нас барсан иргэдийн 40 гаруй хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг. Энэ мэтчилэн маш олон зүйлийн суурь архи гэдэг зүйлтэй шууд утгаараа холбогдож байсан. Тиймээс 2020 оныг бид архитай тэмцэх жил болгон зарласан.

-Аяны хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?

-Тун удахгүй Валентиний баяр болох гэж байна. Хоёрдугаар сарын 14-ний өдөр тав дахь өдөр таарж байгаа юм билээ. Монголчуудын хувьд тав дахь өдөр “хар баасан гариг”, шоуны өдөр гэдэг дадал суугдаад кодлогдчихсон байдаг. Тиймээс залуучуудыг баяр ёслолоо зөв зохистой тэмдэглэдэг байлгах, ямар нэгэн хар бараан зүйл рүү гэхээсээ илүү сайн сайхан руу тэмүүлдэг байгаасай гээд НЗДТГ-тай хамтраад “Хар баасан гариг биш, хайрын баасан гариг”-т нэгдэцгээе, уриатай аян эхлүүлж байгаа. Тиймээс Нийслэлийн Засаг даргаас валентиний өдөр архи худалдаалахгүй байх захирамж гаргах хүсэлтийг бид нар гаргасан.

Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болох гэж байна. Энэ баярыг бид өргөн дэлгэр тэмдэглэдэг. Гуравдугаар сарын 7-ноос эхлээд л сарын сүүл хүртэл өдөр болгон архидалт, зах замбараагүй найр болдог. Эндээс харахад бид эрхийн өдрөө өөрсдөө эрхээ зөрчөөд байгаа юм биш үү гэдэг асуудал гарч ирж байгаа. Тиймээс Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан бид “чимээгүй дайн” гэх хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байна. Энэ хэлэлцүүлгээр архи, мансууруулах бодисын эсрэг чимээгүй дайн эхэлсэн талаар ярилцаж, төрийн болон төрийн бус байгууллагуудыг оролцуулж, энэ асуудалтай яаж тэмцэх талаар шийдэл гаргана гэж найдаж байгаа.

-Та бүхэн Соёлын довтолгоо хоёр үндэсний хэмжээний төслийг эхлүүлээд явж байгаа. Энэ архитай тэмцэх жилийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа ажил уу?

-Архитай тэмцэнэ гэдэг амаргүй, том мафийн сүлжээтэй тэмцэж байгаа гэлтэй том ажил руу орж байна гэсэн үг. Бүхий л амьдралаа архитай тэмцэхэд зориулж, үр дүнд хүрч чадахгүй байгаа хүмүүс ч байна. Тиймээс чимээгүй дайнтай чимээтэй тэмцэнэ. Тэгэхгүй бол болохгүй нь.

Халхын голын дайнд бид хэдэн эр цэргээ алдав. Тэгвэл өнөөдөр архи гэдэг ундаанаас болж, жилд хэдэн иргэнээ алдаж байна гээд аваад үзэхээр дайны үеэс илүү тоо байгаа. Жилд 1000 гаруй хүн архинаас болж нас барж байна. Архинд эмэгтэйчүүд их орж байна гэх үзүүлэлт сүүлийн үед гарах болсон. Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх төвд өмнө нь хоногт дөрвөөс таван хүн хонодог байсан бол одоо хоногт 40-50 эмэгтэй эрүүлжүүлэгдэж, эрүүлжүүлэх нь ачааллаа дийлэхээ больсон гэж байна. Намайг өнгөрсөн зургадугаар сард эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэхэд очиж ажиллахад эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүс нь залуужсан гэж ярьж байсан. Оюутан, сурагч охидууд хүртэл эрүүлжүүлэгдэж байна гэх харамсалтай зүйлсийг ярьсан. Арванхоёрдугаар сарын сүүлээр Төв аймгийн Мааньт дахь албадан эмчилгээний төвд би ажилласан. Албадан эмчилгээнд эхний ээлжинд гурван сар хамруулдаг. Хамрагдсан хүмүүс нь давтан албадан эмчилгээнд орж байгаа нь харамсалтай байна гэж тус төвийн дарга ярьж байсан. Түүнчлэн тэр төвөөс эрүүл болоод гарч байгаа хүмүүс байхгүй ээ, зөв амьдрал руу орсон хүн ер нь байхгүй гэж хэлж байсан. Эмэгтэйчүүдийн хориход мөн бид ажилласан. Сүүлийн үед эмэгтэйчүүд залилан, хар тамхины гэмт хэргээр ихэвчлэн гяндангийн хаалга татах болсон байна.

Тэгэхээр архидан согтуурах, мансууруулах бодистой холбоотой хуулийн хариуцлагыг чангатгах, эргээд нийгэм рүү чиглэсэн урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг далайцтайгаар зохион байгуулах шаардлагатай гэж бид нар үзээд эмэгтэйчүүдийн холбооноос Соёлын довтолгоо хоёр үндэсний хэмжээний төслийг бид нар эхлүүлж байгаа юм. Соёлын довтолгоо хоёр төслийн хүрээнд он гарснаас хойш таван аймаг дээр ажилласан. Дөрөвдүгээр сарын 10 гэхэд 21 аймгаар явж дуусна гэсэн төлөвлөгөөтэй байсан боловч Коронавирустэй холбоотой хөл хорио тогтоосон учраас түр хугацаанд энэ ажил зогсчихсон байгаа. Хөл хорио тавигдсаны дараа энэ ажлаа үргэлжлүүлнэ.

-Архитай холбоотой асуудалтай хэрхэн тэмцэх ёстой вэ?

-Монгол үнэхээр бологогүй улс болчихсон юм болов уу гээд архи, хүчирхийлэл, нийгэмтэй холбоотой маш олон асуудлуудыг анзаарахааргүй юм байна. Сайн бодлого сайн хууль байна уу, гэвэл байна. Сайжруулах шаардлага байна уу гэвэл бас байна. Гэхдээ сайн бодлогоос илүүтэй, иргэдийн хандлагыг өөрчлөх, ёс зүйг дээшлүүлэх, ёс суртахуунтай байхад чиглэсэн нөлөөллийн ажлыг хийх шаардлагатай байгаа юм. Зөв монгол хүнийг төлөвшүүлэхийн тулд боловсролын салбарт томоохон өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж манай холбооноос үзэж байгаа. Тэр дундаа Гэр бүлийн хичээлтэй болох ёстой. Боловсролоос илүү хүмүүжил чухал. Эмэгтэйчүүдийн холбоо гэдэг эрх дархтай байгууллага биш. Бид нар бол жирийн шүгэл үлээгч. Энэ хүрээндээ ажлаа хийгээд явж байгаа. Орон нутгаар яваад иргэдэд мэдээлэл хүргэхэд иргэд маш сайн хүлээж авдаг. Таны амьдарч байгаа орон сууцны доор хэдэн дэлгүүр байна, тэр дэлгүүрүүд бүгд архи зарж байгаа. Олон улсын стандартаар 2000 хүн тутамд нэг согтууруулах ундааны цэг байна гэж заасан байдаг. Гэтэл манайд 197 хүн тутамд нэг цэг байна. Арав дахин илүү. ДЭМБ-ын гаргасан судалгаагаар нэг хүнд оногдох архины хэмжээ 6.1 литр байвал аюул гэж үзэгддэг. Гэтэл манайд нэг хүнд 12.4 литр байна. Аюул байтугай дайны хэмжээнд хүрчихсэн, дайнаас илүү олон иргэдийн амь насанд хүрч байгаа энэ зүйлтэй олуулаа нийлж, чимээтэй тэмцэхгүй бол болохгүй байна. Бид нар чимээгүй явсаар энэ улс орныг оршихуй, эс оршихуй гэдэг асуудал руу явуулж байна.

Өнөөдөр бид асуудлыг холоос биш ойроос. Хэн нэгнээс биш өөрөөсөө хайдаг болмоор байна. Хэн нэгний хүүхэд хүмүүжилгүй байвал төрийн буруу мэтээр харж байгаа. Яг үнэндээ тэр хүүхдийг та өөрөө л хүмүүжүүлж байгаа. Тэгэхээр иргэд өөрөө өөрсдөдөө эзэн байх асуудал яригдаж байгаа. Хүн болгон хичээж байж эрүүл зөв нийгмийг бүтээнэ. Нийгэм гэдэг бол та юм. Нийгэм гэдэг нэг иргэний асуудал. Тиймээс иргэн хүн өөрөө ёс зүйтэй, зөв хандлагатай байх юм бол нийгэм тийм л байдаг. Иргэд мэдлэг мэдээллээр цангачихсан байна. Биднийг хөдөө орон нутгаар явж, такстай лекц тавихад Эрдэнэтийн уурхайчдын ордон хоёр удаа дүүрсэн. Хөвсгөлд бид 1200 гаруй хүмүүстэй уулзсан. Мэдлэг өгье гэхэд заал дүүргээд иргэд суудаг. Бид зөв зам руу явж байна.


Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: МАН харалган байна. Маш өргөн мэдээлэлтэй сонгогч нар хөдөөд бий болчихсон шүү

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Та Хамтын тэтгэврийн хуулийг дахин өргөн барилаа. Энэ талаар ярихгүй юу?

-Энэ хууль 2015 онд хэлэлцэгдээд 2016 онд УИХ-аар батлагдаж, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих заалттай байсан юм. Гэвч МАН олонх болж, энэ хуулийн үйлчлэлийг зогсоож, хүчингүй болгосон. Тэр үед энэ хуулийг яагаад хүчингүй болгож байгаа талаар инээдтэй, эмгэнэлтэй гэмээр үндэслэлүүдийг эрх баригч нам гаргаж ирж байлаа. Тухайн үеийн Ерөнхий сайд “Хоёр хөгшин бие бие рүүгээ муухай хараад, хэн нь түрүүлж үхэх вэ гэдэг байдал үүсч байгаа учраас энэ хуулийг хүчингүй болголоо” гэж байсан шүү дээ. МАН ахмадын төлөө батлагдсан хамгийн чухал хуулийг нь хамгийн эхнийхээ хуралдаанаар хүчингүй болгосон. Энэ шийдвэр олон мянган ахмадын амьдралын баталгааг үгүй хийж, амьдралын үнэ цэнийг устгасан харгис үйлдэл болсон. Насан туршдаа хамт амьдарсан хань ижлийнхээ хуримтлалаар бий болгож үлдээсэн өв хөрөнгөнөөс хүртэх эрхийг нь шууд хасч хаяна гэдэг бол маш харгис бодлого байсан.

-Энэ хуулийн үзэл баримтлал нь юу вэ?

-Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг татвар биш. Хэзээ нэгэн цагт хүн эрсдэлд орсон үедээ хэрэглэнэ гэж хуримтлал бий болгож байгаа хадгаламжийн мөнгө байхгүй юу. 60 насандаа тэтгэвэрт гараад 61-тэйдээ бурхан болж буй олон хүн бий шүү дээ. Хуримтлалаа эдэлж, хэрэглэж чадаагүй нас барж байгаа ахмадууд бий. Насан туршдаа хамт амьдарсан хоёр ахмад настан тус бүр 100, 100 мянган төгрөгийн тэтгэвэр аваад 200 мянган төгрөгөөр амьжиргаагаа залгуулаад явж байхад нэг нь бурхан болдог. Тэгэнгүүт орлого нь нэг дахин буурдаг. Тэгэхээр нэг хүний тэтгэврээр байр гэрлийнхээ мөнгийг төлөх үү, хоол ундаа залгуулах уу, эм тариагаа авах уу гээд тэр үлдсэн хүнд эдийн засгийн том хүндрэл үүсч байгаа юм. Эхэн үедээ яахав байгаа юмаа зарж, барьцаанд тавиад зээл авч янз бүрээр аргацаана. Сүүлдээ арга буюу амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн тоо руу шилждэг. Тэгээд бүр нэн ядуу иргэн болдог. Тэрнээсээ үүдээд сэтгэл санааны хувьд хямардаг. Ийм байдлуудыг маш олон жил ажиглаж, судалж байсан. Энэ асуудлыг хариуцдаг байх үед минь энэ талаар маш олон өргөдөл, гомдол, хүсэлт ирдэг байлаа.

Гэр бүлийн хоёр ахмадын нэг нь бурхан болсон үед үлдсэн ахмад нь хань ижлийнхээ авч байсан тэтгэврийн тодорхой хувийг өөрийнхөө амьдрах хугацаанд авах нь шударга. Ингэвэл амьдралын тодорхой эрсдэлд орохгүй байх баталгаа хангагдах юм байна гэж харсан. Тэгээд хамтын тэтгэврийн тухай хуулийг санаачилсан.

-Хэдэн хувиар тооцож байгаа вэ?

-Бүрэн тэтгэврийн 20-иос доошгүй хувиар тооцож, үлдсэн ахмадад сар бүр олгож байхаар хуулийн төслийг санаачилсан. 20-иос доошгүй гэдэг нь дээшээ хэд ч байсан болно. Энэ хэмжээг Засгийн газар тэтгэврийн сангийн даац, төсвийн боломжийг харж байж тогтоохоор тусгасан.

-Нийгмийн даатгалд итгэх олон нийтийн итгэл суларчээ. Нийгмийн даатгал төлж байснаас хадгаламж нээж байршуулсан нь илүү дээр гэх мэт яриа явж байна. Ер нь нийгмийн даатгалд итгэх итгэлийг хэрхэн сэргээх ёстой вэ?

-Нэгэнт хуримтлал бий болгочихсон бол хуримтлалаас нь үр хүүхдүүд, гэр бүл нь хүртдэг байх шударга зарчмыг хэрэгжүүлээд явах ёстой, нэгдүгээрт. Хоёрдугаарт, өнөөдрийн Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бие даасан байдалд шилжүүлэх ёстой. 2002 оны Н.Энхбаярын Засгийн газрын үед Сангийн сайд Ч.Улаан байсан. Энэ хоёр нийгмийн даатгалын тухай хуулийг зөрчөөд, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Сангийн яамны төрийн санд нэгтгэсэн. Тэрнээс хойш 20-иод жил Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төсвийн цоорхой бөглөх, төсвийн бусад зориулалтаар ашиглах, ийм хууль зөрчсөн үйлдлүүд явж ирлээ шүү дээ. Гуравдугаарт, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арвижуулах чиглэлээр төрөөс бодлого дэвшүүлж ажиллах ёстой юм. Дөрөвүгээрт, Нийгмийн даатгалын сан дотроо таван сантай. Тэр дотор хамгийн чухал сан бол тэтгэврийн даатгалын сан байдаг. Энэ санд төр төлөх ёстой 10 гаруй их наяд төгрөгийн өр байгаа.

-Одоо шимтгэл төлж байгаа иргэдийн мөнгө хаашаа явдаг вэ?

-Өнөөдөр шимтгэл төлж байгаа иргэд Нэрийн дансны хууль гэдэг юмаар яваад байгаа. Өөрөөр хэлбэл бичилтээр. Яг бодит мөнгө байхгүй. Мөнгийг нь аль хэдийнэ өнөөдөр тэтгэвэр авч байгаа иргэдэд өгчихсөн. Төрийн гүйцэтгэх үүргийг өнөөдөр шимтгэл төлж байгаа иргэдийн мөнгөөр төлөөд яваад байж болохгүй. Нийгмийн даатгалын тухай хуулиар 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг төр хариуцах үүрэгтэй. Гэтэл тэр 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг тавихын тулд өнөөдөр шимтгэл төлж байгаа иргэдийн мөнгийг өчнөөн жил ашиглалаа. Одоо тэр шимтгэл төлж байгаа иргэдийн мөнгийг буцааж Нийгмийн даатгалын санд байршуулах ёстой. Төр өнөөдөр энэ үүргээ биелүүлэх ёстой.

-Төр 10 гаруй их наяд төгрөгийн өрөө барагдуулах алхам хийж байна уу?

-2016-2020 оны дөрвөн жилийн төсөв баталлаа. Энэ төсвийг есөн их наядын алдагдалтай баталсан. Энэ нь өнөөдрийн нийгмийн даатгалын санд төлөх мөнгөтэй тэнцүү шахам алдагдал. Тэгвэл ингэж алдагдалтай төсөв баталж, болсон болоогүй баахан барилга байшин, хөрөнгө оруулалт хийж байхын оронд Тэтгэврийн даатгалын санд мөнгийг нь буцааж байршуулж, иргэдээ ирээдүйдээ санаа зовох зүйлгүй байлгах ёстой. Уг нь 2021 онд тэтгэврийн даатгалын санг бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх Их хурлын тогтоол гарсан шүү дээ. Бүрэн хуримтлал гэдэг нь шимтгэл төлсөн иргэний шимтгэлийг нэрийн дансанд нь бодит мөнгөн хэлбэрээр байршуулна гэсэн үг. Үүнийгээ төр хэрэгжүүлэх ёстой.

-Нийгмийн даатгалын тогтолцоондоо байна уу?

-Манайхтай ижил тогтолцоотой Тайвань, Вьетнам, Герман гээд маш олон улс орон байна. Эдгээр улсууд яг энэ тогтолцоог амжилттай хэрэгжүүлээд явж байна шүү дээ. Төр нь зөв бодлого явуулсан улсын нийгмийн даатгал нь зөв явж байна. Буруу бодлого явуулахаар манайх шиг дампуурлын ирмэг дээр явж байгаа.

-Та Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл санаачилсан. Энэ талаар ярихгүй юу?

-Нийгмийн хамгааллын бодлого зорилтот бүлгийн иргэдэд хүртээмжгүй, амьдралын наад захын хэрэгцээг нь хангахгүй байгаа. Тиймээс Монгол Улсын нийгмийн хамгааллын бодлого тухайн зорилтот бүлэгтээ үр өгөөжтэй, хүртээмжтэй байх, цаашилбал дэлхийн жишигт нийцүүлэн шинэчлэх асуудлыг үргэлжлүүлэн УИХ-аас батлан гаргах зайлшгүй шаардлагатай байгаа учраас энэхүү хуулийн төслийг санаачилсан. Бүрэн тэтгэвэр авагч өндөр настны тэтгэвэр 500 мянгаас доош, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авагчийн тэтгэвэр 420 мянгаас доош бол энэхүү хуулийн үйлчлэлд хамаарна. Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэвэр авагч иргэдийн амьжиргаа, амьдралын чанар сайжирч, тэтгэврээ олон сар, жилээр барьцаалан зээл авах нөхцөл буурна.

-УИХ-ын сонгуулийн тойрог мандат дээр танай намын зөвлөл сөрөг байр суурьтай байгаа шүү дээ…

-Эрх барьж буй нам ямар хэлбэрээр сонгууль зохион байгуулах нь тэдний эрхийн асуудал мөн. Гэвч Монгол Улсын иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон суурь эрх болох сонгох сонгогдох эрхэд нь эрх баригчид увайгүй халдаж байна. Нэг үгээр Монгол Улсын иргэд тэнцвэртэй нөхцөл байдалд төрд төлөөллөө илгээх эрхтэй. Тэгш эрхийн зарчимд тулгуурлаад. Гэтэл 70 мянган сонгогчтой аймаг гурван мандаттай, 240 мянган иргэнтэй дүүрэг нь бас гурван мандаттай байдаг. Энэ шударга зарчим мөн үү. Хүн амын 50 хувь нь бараг нийслэлд амьдарч байна. Тэгэхэд угаасаа цөөхөн гэгдэх 28 мандатын дөрвийг нь сугалж аваад хөдөө орон нутаг руу шилжүүлээд 24-хөн мандаттай болгочихлоо. Нийслэлийн сая гаруй иргэдийн эрхийг цавчаад хаячихаж байгаа байхгүй юу. Яахаараа Монгол Улсын иргэн хот хөдөөгөөр ялгаварлуулж байх ёстой юм. Хот, хөдөөнийх гэхгүй Монгол Улсын иргэн л бол иргэн. Сонголтоо хийх эрхтэй. Энэ бол арай дэндүү.

-Та өөрийн өнцгөөс хэрхэн харж байна вэ?

-Нийслэлчүүд илүү мэдээлэлд ойрхон байдаг. Сонголтыг илүү шударга хийдэг. Ямар нэг тархи угаалт, мөнгө, эд бараа материалд автах нь харьцангуй бага байдаг. Харин хөдөөгийн ард түмнийг эд нар басч байгаа байхгүй юу. Хуурч болно. Эд бараагаар саналыг нь худалдаж авч болно гэдэг харалган бодлоор асуудалд хандаад байх шиг байна. Тэгвэл та нарын бодож байгаа хөдөөгийн сонгогч нар биш болчихсон шүү. Сошиал орчин, мэдээллийн хэрэгслээр маш өргөн мэдээлэл авдаг сонгогч нар хөдөөд бий болчихсон. Үүнийг энэ сонгуулийн дүн харуулах байх.

-Яг нэг жилийн өмнө та “Парламентын танхимд яг одоо сууж байгаа 58 хүн та нар парламентын дархлаагаа байхгүй болговол бүгд “гөлөг” болно. Бүгдээрээ хэн ч биш болно. Юун парламент, юун Б.Чойжилсүрэн, Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт… та нар хэн ч биш болно. Мэдэж байна уу. Та нар хэн ч биш болно. Миний энэ үг та нарын орой руу орно доо” гэж хэлж байсан. Таны энэ үгийг биеллээ олж эхэллээ гэж ярьж байна л даа…

-Монгол Улс парламентын засаглалтай. Гэтэл парламентынхаа бүрэн эрхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнд шилжүүлчихсэн. ҮАБЗ-ийн хоёр гишүүн нь парламентын гишүүн биш. Гэтэл ҮАБЗ бараг парламентын бүрэн эрхийг хэрэгжүүлээд байна шүү дээ. Төрийн дээд албан тушаалтны томилгооноос өгсүүлээд, төрөөс гарч байгаа бодлогын ерөнхий чиг, хандлагыг тодорхойлж байна. Бид парламентын засаглалтай улс юм уу, ҮАБЗ-ийн засаглалтай улс болчихсон юм уу гэдгийг бодох ёстой. Тухайн үед би засаглалын хэлбэрийг ярьсан юм. Гэтэл мушгин гуйвуулаад М.Энхболд, 60 тэрбумыг хамгааллаа гэж янз бүрээр над руу дайрсан. Тэр үед би бухимдсандаа буруу хэлбэрээр хэлсэн байж магадгүй. Гэхдээ би тэр үед үнэнийг хэлсэн. Би тэр байр сууриндаа өнөөдрийг хүртэл хатуу зогссон хэвээр байгаа. Парламентын засаглалтай улс юм бол үүгээрээ л яв. Парламентын засаглал гэдэг хуулийн засаглал шүү дээ. Хэн нэгэн Ерөнхий сайд загнахаар тэр нь хууль юм шиг үйлчилж байдаг, харин цэвэр хууль нь хуулийнхаа дагуу үйлчилдэггүй байж болохгүй. Өнөөдөр хууль шүүхийн байгууллагууд ажиллаж чаддахгүй байна. Бүр шүүхийн систем нь ажиллахаа больчихсон. Бүгд айдастай. Ер нь хуулийнхан тэр чигээрээ айдастай байна. Хэлмэгдүүлдэг үе рүү явах гээд байна. 65 суудалтай эрх баригчид парламентын засаглалын мөн чанарыг бүхэлд нь алдагдуулчихлаа. Олонх намаас гарахгүй юм алга. Ерөнхий сайд нь хэлчихсэн шүү дээ. Гараагүй гэмт хэрэг байна уу. Байхгүй шүү дээ. Хуулийн дагуу хариуцлага хүлээж байгаа нь мөн байхгүй. Шударга үнэний төлөөх сэлэм нь зэвэрчихсэн юм уу. Хуйндаа гацчихсан уу. Ийм байдлаар цаашаа хол явахгүй. Популизмаар цааш явахгүй. Популизм улс орныг сүйрүүлдэг. Би үүнийг л хэлсэн. Хэн нэгнийг хамгаалаагүй.