Categories
мэдээ улс-төр

С.Одонтуяа: Хүүхэд хамгааллын хууль батлуулсан ч хэрэгжихгүй байна

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбоо хамтран хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхэд хамгаалалд бүх нийтээрээ оролцъё” хэмээх арав хоногийн аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийг урьж хэлэлцүүлэг хийлээ. Энэ талаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас тодруулсан юм.


-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбоо хамтран арав хоногийн аян зохион байгуулж байгаа юм байна. Энэ аяны хүрээнд ямар ажлууд төлөвлөж байгаа вэ?

-Энэ бол ердөө арав хоногийнх биш, маш урт хугацааны ажил. Хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд хийх маш олон ажил байна. Удахгүй улсын баяр наадам болно. Нэг хүүхэд амь эрсдэхэд олон нийтээрээ шуугиад хэд хоногийн дараа баяр ёслолдоо дарагдаад мартах биш, үүнийг байнга ярьж давалгаалуулж, олон нийтийн анхааралд өртүүлж нийгмээрээ хөдлөх шаардлагатай. Тийм учраас уг арав хоногт улс орон даяараа энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Энэ хугацаанд хүүхдүүдийг хамгаалах чиглэлээр хэд хэдэн чухал ажил хийгээд авъя гэж бодож байгаа. Ойр орчмынхоо аюулгүй байдал, төсөв хөрөнгөтэй холбоотой зүйлсийг хийгээд авъя. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон нийт өөрсдийнхөө чадах хэмжээнд уг асуудлаар зүтгээсэй гэж уриалмаар байна.

-Хүүхдүүд парк дээр тоглож байгаад гэмтлээ, хөлбөмбөгийн талбайн хаалганд дарагдаж, эмийн сангийн хаалганд хүрснээсээ болж тогонд цохиулан амиа алдлаа. Эдгээр хэргүүд хүмүүсийн стандарт мөрддөггүй, өөриймсөг биш байдлаас улбаалж байна. Энэ чиглэлээр ямар ажлууд хийж байгаа вэ?

-Сүүлийн үед иргэдийн сэтгэл зүйг сэртхийлгэсэн хэд хэдэн ноцтой хэргүүд гарлаа. Нийслэлийн засаг даргаас дүүргийн удирдлагуудад албан даалгавар өгсөн. Өчигдөр(уржигдар) нийслэлийн шуурхай дээр яригдсан. Бид хүүхэд хамгаалах чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Хүүхдийн тоглоомын талбайн асуудал, цахилгааны ил гарсан утас, ямар нэг аюул тарихуйц зүйлсийг засаж янзлах гэх мэт. Дээрээс нь явган хүн зорчих зам талбайн аюулгүй байдлыг хангах чиглэлээр албан даалгаврууд авсан. Иргэд ихээр хандаж байна. Тэд ээжүүд, эмэгтэйчүүдийн байгууллагууд хамтран иргэдийн идэвхийг сэргээсэн ажлуудыг манлайлан хийгээч ээ гэсэн. Тийм учраас Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо яаралтай хуралдаж энэ асуудлыг манлайлан оролцъё гэж шийдээд өнөөдрийн(өчигдрийн) хэлэлцүүлгийг хийж байна. Уг хэлэлцүүлгээр иргэдийн санал хүсэлтийг сонсож, бүх нийтээрээ оролцож чадвал хүүхэд хамгаалах асуудлыг амжилттай шийдвэрлэж чадна гэж үзээд уриалга гаргаж байгаа. Өмнөх парламентаар чухал хуулиуд батлагдсан. Хүүхдийн эрхийн тухай хууль шинэчилэгдсэн. Мөн хүүхэд хамгааллын хуулийг батлуулсан байгаа. Гэр бүлийн орчинд, боловсролын, эрүүл мэндийн чиглэлээр, олон нийтийн газар, хэвлэл мэдээллийн орчинд хүүхдээ яаж хамгаалах талаар маш нарийн зүйлсийг заасан хуулийг батлуулсан. Гэтэл яагаад ийм асуудлууд гараад байна вэ гэхээр хууль хэрэгжихгүй байна гэсэн үг.

-Монгол Улсад батлагдсан хүүхдийн тухай хуулиуд хангалттай хэмжээнд байгаа. Гэтэл хуулиа хэрэгжүүлэх тал дээр хангалтгүй, сэтгэлгүй, хариуцлагагүй байна. Яагаад хууль, аюулгүй ажиллагааны стандартыг мөрдүүлж чадахгүй байна вэ?

-Албан тушаалтнууд, эцэг эхчүүд үүргээ ухамсарлаж, биелүүлэхгүй байна л даа. Стандартыг мөрдүүлэх ёстой байгууллагууд хариуцлагагүй хайнга хандаж байна. Нөгөө талаас хуулийг хэрэгжүүлэхэд төсөв санхүүгийн хүндрэл үүсдэг. Хороон дарга энэ замаар явах эрсдэлтэй гэж хичнээн мэдээд, дүүрэг нийслэлдээ уламжилсан ч төсвийн хөрөнгө байхгүй учраас тэр асуудал шийдэгддэггүй. Тэгэхээр заавал төсвийн мөнгө хараад байлгүй өөрсдийнхөө хүчээр хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах алхмуудыг хийх ёстой. Манай иргэд бүх зүйлийг төр хийх ёстой гэсэн ойлголттой байдаг. Төсөв хөрөнгө хүрэхгүйгээс цэцэрлэгийн дээврийн засвар хийгдээгүй, хэзээ мөдгүй дээрээс нь дээвэр нурах эрсдэлтэй барилгууд байна. Цэцэрлэгийн эрхлэгч нь хэзээ нурах бол оо гээд л байж байна. Би дүүргийнхээ сургууль, цэцэрлэгийн захирлуудад байнга хэлдэг. Аюулгүй байдлыг захирал, эрхлэгч 100 хувь хариуцна шүү гэдгийг. Мөн тоглоомын талбай шинээр баригдахгүй байна. Хуучин тоглоомын талбайнууд шинэчилэгдэхгүй байгаагаас хүүхдийн амь эрсдлээ. Тэгэхээр шийдвэр гаргах түвшний хүмүүс 2019 оны төсөвт нэн түрүүнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн төсвүүдийг батлуулахын төлөө ажиллах ёстой. Үүнээс цаашаа “Наадмын дараа намар” гээд бүх зүйл оройтох гээд байна. Бидний үнэт зүйлс юу юм бэ. Уул уурхай, төмөр зам биш, бидний үр хүүхэд шүү дээ.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын гавьяат барилгачин Д.Нанзаддорж: Хотын удирдлага түгжрэлийг бууруулъя гэвэл Home Plaza-г буулгах ёстой

Монгол Улсын зөвлөх инженер, Монгол Улсын гавьяат барилгачин Д.Нанзаддоржтой ярилцлаа.


-Нийслэлийн авто замын газрын даргаар ажиллаж байсан тантай Улаанбаатарын замын өнөөдрийн тулгамдсан асуудлын талаар ярилцъя гэж бодож явсан юм. Та Э.Бат-Үүлийн үед замын түгжрэлийг шийдэхийн төлөө чамгүй ажилласан мэргэжлийн цөөхөн хүний нэг. Хоёулаа эрх зүйн орчны талаас нь яриагаа эхлэх нь зөв байх. Авто замын тухай шинэ хуульд ямар нэмэлт, өөрчлөлтүүд орсон бэ?

-Авто замын тухай хууль анх 1998 оны нэгдүгээр сарын 2-нд батлагдсан. Үүнээс хойш арав орчим жилийн дараа өнгөрсөн оны УИХ-ын чуулганаар шинэчилж, өөрчилсөн хуулийн төслийг баталсан. Уг Хууль 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөгдөх ёстой. Хэд хэдэн чухал заалтууд нэмэгдсэн. Тухайлбал, авто замын норм норматив, техникийн бичиг баримт, Норм нормативын сан гэсэн бүлэг шинээр оруулж ирсэн. Авто зам барихад техникийн бичиг баримт, норм норматив, стандарт хэрэгтэй. Энэ нормативуудын байгааг нь сайжруулах, байхгүйг нь шинээр боловсруулах ажлууд нэлээн их хэмжээгээр гардаг. Тиймээс энэ норм нормативын сангаар юу хийх вэ, хөрөнгийн эх үүсвэрийг яаж шийдэх талаар хуульчлан баталж өгсөн. Зураг төсөл боловсруулсан, техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан, авто зам барьсан, зассан, төсөвт өртгийн 0.4 хувиар санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгоно гэж хуульчилж зааж өгсөн нь их ач холбогдолтой заалт болсон.

Зам барих явцад зураг төсөл боловсруулсан инженерийн алдаа гарлаа гэхэд тухайн хохирлыг зураг төслийн байгууллага хариуцна гэж тусдаа бүлэгтэй болсон. Уг бүлэгт хариуцлагыг нь заагаад өгчихсөн. Мөн магадлан итгэмжлэл хийдэг зөвлөх инженерүүд, зураг төслийн алдааг зургийн инженерийн нэгэн адилаар хариуцлага хүлээх хуулийн заалт тусгагдсан. Мөн зам барихдаа заавал хөндлөнгийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний хяналт дор ажлаа гүйцэтгэнэ гэдгийг хуульчилсан. Уг хуульд гүйцэтгэгч компани гурван жилийн баталгаат хугацаанд технологийн эвдрэл, гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас чанарын доголдол гарвал хохирлыг өөрийн хөрөнгөөр засахаар болсон. Өмнөх хуульд зам барилгын ажлын баталгаат хугацаа гурван жил байна гэсэн заалт байгаагүй. Барилгын тухай хуулийг мөрддөг байсан. Мөн авто замын ажлыг ашиглалтад оруулах, хүлээлгэж өгөх асуудал гээд шинэ хуульд хуульчилж заасан олон асуудал бий.

-Шинээр батлагдсан авто замын тухай хуулийн хэрэгжилт ямар байна?

-Хууль 2017 оны долдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжихээр заагдсан. Гэвч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэх журмууд нь гараагүй байна. Журамгүй учраас хууль хэрэгжих тал дээр өрөөсгөл байгаа. Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах яам, төрийн байгууллага ажлаа муу хийж байна гэсэн үг. Хуулиа хэрэгжүүлж авто замын санг бүрдүүлэх гээд асар их ажил бий.

-Тэгэхээр хууль хэрэгжихгүй, журам батлагдахгүй байгаагийн бас нэг асуудал нь сантай холбоотой юм байна?

-Хуучин авто замын тухай хуульд Авто замын санд орж ирж байгаа мөнгөний зарцуулалтыг төсвийн нэгэн адилаар авч үзнэ гэж заасан. Энэ нь төсвөөс орж ирж байгаа, замын сангаас орж ирж байгаа мөнгийг ялгахад их түвэгтэй байсан. Тэгвэл шинэ хуульд уг заалтыг хүчингүй болгосон. Жишээ нь, шинэ хуульд импортоор оруулж ирж байгаа автомашины онцгой албан татварын 20-иос доошгүй хувийг замын санд төвлөрүүлнэ гэж заасан. Тэгвэл энэ татвараар 2018 оны эхний хагас жил дуусаж байхад хэдэн төгрөг замын санд орсон бэ гэдэг тодорхойгүй байх жишээтэй.

-Хотын замын түгжрэлд сөргөөр нөлөөлж буй нэг асуудал бол төв замаар хотоос баруун, зүүн тийш гардаг ганц урсгал байдаг. Үүнийг хэрхэн шийдэх боломжтой вэ?

-Тийм шүү. Улаанбаатар хотоос баруун, зүүн тийш хотын түгжрэл үүсдэг. Манай хотод байгаа ганц төв зам бол Энхтайваны өргөн чөлөө. Уг зам Улиастайн гүүрээс эхлээд төв замаараа 22-ын товчоо хүртэлх ганц шулуун зам юм. Бусад зэрэгцээ замууд сүүлийн жилүүдэд баригдаж байгаа ч үндсэн замтайгаа холбогдох ажил нь бүрэн хийгдэж дуусаагүй. Тэгэхээр энэ түгжрэлийг бууруулахын тулд хотын удирдлага тодорхой ажлуудыг хийх ёстой. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2015 оны УИХ-ын чуулганаар баталсан. Энэ төлөвлөгөөнд хотын төвийн хойд, урд талаар зам барих тухай тодорхой тусгагдсан байдаг. Эхний ээлжинд Улаанбаатар хотын хойд талаар гадна тойруугийн эхний хэсэг Чингэлтэй, Хайлааст, Маахуур толгой, Улиастай, Налайх гэсэн чиглэлээр, мөн баруун зүгт Баянхошуу, Тахилт, 22-ын товчоо чиглэлд гадна тойруугийн замыг барих ёстой. 2012-2016 онд би Нийслэлийн авто замын газрын даргаар ажиллаж байхдаа хийж хэрэгжүүлж эхэлсэн олон ажил бий. Энэ ажлуудыг залгамжилж үргэлжлүүлэх тал дээр хангалтгүй байгаа.

-Тодорхой хэлбэл авто замын ямар ажлуудыг үргэлжлүүлэн хийгээд явбал үр дүнтэй вэ?

-Гэмтлийн эмнэлгийн баруун талын зам дээр хоёр түвшний уулзвар бариад 21 дүгээр хороололтой холбогдох 3.5 км авто замын зураг төсөл бэлэн байгаа. Энэ ажлыг эхлүүлэх гээд чадаагүй. Энэ замын зурвас газарт 220 гаруй айл өрх, аж ахуйн нэгж хамрагдаж газраа чөлөөлөх ёстой. Энэ зурвас газрыг гаргачих юм бол баруун тийшээ явж байгаа ачаалал эхний ээлжинд үлэмж хэмжээгээр багасна. Дүүрэг, тэр дундаа Сонгинохайрхан хамгийн их хүн амтай. Хоёр, гурав салгана гэж яригдаж байна. Дүүрэг салгаад хөдөлгөөний ачаалал сайжрахгүй ээ. Төрийн албан хаагчдын орон тоо л нэмэгдэнэ. Харин тус дүүрэг рүү хүрэх замын хүртээмжийг нэмэгдүүлэх ёстой. Энэ хүртээмжийг нэмэгдүүлэх эхний алхам бол миний хэлдэг 3.5 км зам юм. Мөн 2016 оны сонгуулийн өмнө бид зураг төсөл, концессоор хөрөнгийн асуудлыг нь шийдээд Орбит, Найрамдал чиглэлийн замыг засах ажлыг эхлүүлж, гүйцэтгэгчийг тодруулж, нээлт хийсэн. Харамсалтай нь хотын шинэ удирдлага энэ ажлыг өнөөдөр хүртэл эхлээгүй байна. Энэ замыг засварлаж, өргөтгөөд гэмтлийн эмнэлгээс 21 дүгээр хороолол руу явж байгаа 3.5км замыг барьчихвал Толгойтын замын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдсэн учраас Толгойт, Орбит, Баянхошуу, Тахилт зэрэг чиглэлийн хөдөлгөөний түгжрэл эрс хэмжээгээр буурах ёстой. Мөн ард иргэдийн нэрлэдгээр Таван шарын өмнөх төмөр замын уулзвар байна. Үүн дээр түгжрэл маш их үүсдэг. Энэ уулзвар дээр гүүрэн гарц барих техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн. Энэ ажлыг заавал хийх ёстой. Тус баригдах гүүрэн гарцыг зөвхөн төмөр зам дээгүүр гүүр барих биш ойр орчных нь Толгойт, Найрамдал, Орбит, 22-ын товчоо руу явж байгаа замуудтай гүүрээ хоёр түвшинд огтолцуулах хэлбэрээр шийдвэрлэх ёстой. Энэ ажил хийгдчих юм бол баруун зүгийн хөдөлгөөнийг сааруулах томоохон ажил болно. Зүүн тийшээ Налайхын замыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй. 2016 онд бид Хятадын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих тендрийг нь зарлаад, нээж үнэлгээ хийхэд бэлэн болгоод өгсөн. Харамсалтай нь сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ асуудлыг эхлүүлэх тал дээр өнөөгийн хотын удирдлага туйлын хариуцлагагүй хандаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ ажил өдийд эхэлчихсэн байх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл эхлээгүй байна. Энд ямар гацаа байгааг даан ч мэдэхгүй байна. Үүнийг яаралтай эхлүүлэх ёстой. Налайхын замд өргөтгөл шинэчэлэлт хийгдчих юм бол зүүн талаас ирж байгаа хөдөлгөөний түгжрэл үлэмж их хэмжээгээр саарна. Улиастай чиглэлийн зам өргөтгөл хийгдчихсэн байгаа. Түүнээс баруун тийш Өгөөмөр захын орчмоос төмөр зам доогуур нүхэн гарц, зам барьж Дүнжингаравын замтай холбох. Ингэснээр зүүнээс ирж байгаа автомашинууд Энхтайваны өргөн чөлөөнд гацах биш тодорхой хэсэг нь Дүнжингаравын замыг ачаалж хөдөлгөөний зохион байгуулалт зөв болох ёстой. Гэвч ганц аюул бий. Ард иргэд хэвлэл мэдээллээр шүүмжилдэг Home Plaza гэдэг барилга дээр ирээд бүгд түгжирнэ. Дүнжингаравын зам, Баянмонгол хорооллын зам, урдаасаа Их тэнгэрийн зам, баруун талаасаа Махатма Гандийн гудамж буюу төв цэнгэлдэхийн араар явдаг зам гээд бүх чиглэлийн замууд Home Plaza гэдэг барилга дээр ирээд түгжрэлийг үүсгэдэг. Ирэх жилээс замын цагдаагийн газрын гүүр ашиглалтад орвол хойноосоо төмөр зам дээгүүр орж ирээд мөн л Home pla­za дээр түгжирнэ. Хувийн хөрөнгөөр баригдсан энэ том барилгыг буулгаж шилжүүлнэ гэдэг нь хувь хүн болоод аж ахуйн нэгжид хүндээр тусах нь ойлгомжтой. Гэхдээ тус асуудлыг хотын удирдлага шийдэхгүй бол энэ орчмын ачаалал мөнхөд түгжрээтэй хэвээрээ байна. Энэ барилга маш их саад хийнэ. Хотын удирдлага хотын түгжрэлийг бууруулъя гэвэл Home Plaza-гаа буулгах ёстой. Энэ Home Plaza-гийнхаа асуудлыг шийдчих юм бол хотын зүүн, баруун тийшээ гарахад замын хөдөлгөөний ачаалал мөн ч их буурна даа.

-Та нийслэлийнхны анхаарлын төвд байгаа Замын цагдаагийн гүүрэн гарц зам, Яармагийн шинээр баригдах гүүрийн загвар схемийг баталсан автор нь. Хүмүүс төдийлөн мэддэггүй юм шиг байна лээ?

-Миний хийж бүтээсэн зүйлсээс хамгийн их бахархаж явдаг ажил бол Замын цагдаагийн гүүрэн гарц, зам болон Яармагийн шинээр баригдах гүүр юм. Би 2012 оны есдүгээр сард Нийслэлийн авто замын даргын ажилд томилогдон ирэхэд дээрх хоёр ажлын сонгон шалгаруулалтад хийгдчихсэн. Гэрээ байгуулах мэдэгдэл ирсэн. Замын цагдаагийн уулзварын өмнөх загвар нь яг Нарны гүүр төмөр зам дээгүүр гүүрээ давуулаад замтайгаа холбогдолгүй хоёр тийшээ хагас замаар буудаг шиг загвар байсан. Энэ нь замын хөдөлгөөний асуудлыг шийдэж байгаа юм биш, зүгээр л төмөр зам дээгүүр гүүр барьж байгаа хэрэг. Энэ талаар хятадуудтай жил гаруй ярилцсаны эцэст одоогийн баригдаж байгаа загвар схемийг баталж, зураг төслийн ажлыг эхлүүлсэн. Угаасаа энэ ажил нь түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хэрэгжих төсөл байсан юм. Өөрөөр хэлбэл энэ загвар нь гүүр, Нарны замын уулзвар хэсэгт хоёр түвшинд огтлолцож, хойшоо Гадаад харилцааны яамны чиглэл буюу Олимпийн гудамж руу эргэх баруун эргэлтийг нэмэлт хоёр эгнээгээр Олимпийн гудамжнаас Нарны зам руу эргэх баруун эргэлтийг мөн нэмэлт хоёр эгнээгээр, Нарны замаар баруун талаас ирж байгаа баруун эргэлтийг урагш мөн хоёр нэмэлт эгнээгээр тус тус эргүүлэхээр шийдсэн загвар юм.

-Яармагийн гүүрний тухайд…?

-Тендерт ялсан загвар нь зүгээр л Яармагийн гүүрний хажуугаар шинээр гүүр барихаар загвар байсан. Бас л маш удаан ярилцсаны эцэст одоо баригдаж байгаа загвар схемийг зөвшилцөж баталсан. Энэ нь Богд уулын араар ирж байгаа зам гүүрийн урд хэсэгт Яармагийн замтай хоёр түвшинд огтлолцож, гүүрийн хойд талдаа Чингисийн өргөн чөлөөний зам, гуравдугаар цахилгаан станцын чиглэлийн шинээр баригдсан замтай тунелиэр хоёр түвшинд огтлолцох загвар юм. Энэ хоёр ажлын нэг сайн тал нь гүйцэтгэгч нь хоёулаа Хятадын төмөр замын 20 дугаар групп компани юм. Ийм учраас зөвшилцөхөд арай хялбар байсан гэсэн үг. Эдгээр ажлууд нь монгол инженерийн хийж байгаа оюуны том бүтээл. Миний хувьд энэ мэргэжлийг эзэмшиж 38 жил ажиллаж байгаа Монгол Улсын гавьяат барилгачин хүний хувьд үүнийг хийж чадсандаа сэтгэл хангалуун байгаа. Энэ загвар схемийг батлахад надтай нэг баг болон миний орлогч даргаар ажиллаж байсан инженер Г.Баттогтох, Д.Баясгалан, гадаадын төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Г.Хасбаатар нар маш их хичээл зүтгэл гаргаж хамтран ажилласанд талархлаа илэрхийлье. Баригдсаны дараа ард түмэн харах болно.

-Таныг нийслэлийн авто замын газрын даргаар ажиллаж байх үед нийслэлд авто замын тухайлсан ямар томоохон ажлууд хийгдсэн бэ. Нэгэнт хийгдсэн ажлуудаа өнөөдөр ярих нь бахархал шүү дээ?

-2012-2016 онд Нийслэлийн авто замын даргаар ажиллаж байхдаа урьд хожид байгаагүй их замыг шинээр барьж, өргөтгөн шинэчилж чадсанаа хаана ч нүүр бардам хэлнэ. Яагаад гэвэл бүгд л тэр зам дээгүүр явж байгаа болохоор. Өнгөрсөн дөрвөн жилээ эргээд харахад нийтдээ 180 км замыг шинээр барьсан байна. Дөрвөн жилийн хугацаанд 220 орчим км замыг өргөтгөн шинэчилсэн. Улаанбаатар хотын төв дэх бүх замыг өргөтгөн шинэчлэсэн байна. Та бүхэн мэдэж байгаа. Их тэнгэрийн зам, Төв цэнгэлдэхийн араар явж байгаа Гандигийн гудамж, Баянмонгол хорооллын зам, Дүнжингаравын зам, Шарга морьтын зуслангийн зам, Нисэх биокомбинат шувуун фабрикийн зам гээд Улаанбаатар хотын бага тойрог болон гадна тойргийн бүх замыг өргөтгөн шинэчилсэн. Мөн төмөр зам доогуур нүхэн гарц гаргасан. Энхтайваны гүүрийн зүүн талд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд хийсэн гүүрэн гарц байна. Энхтайваны гүүрийн ачааллыг сайхан задалж байгаа. Саруул хотхонтой холбосон Соёолжийн хажуу талын гүүрэн гарц бий. Мөн Баянмонгол хорооллын гүүрэн гарц байна. Энэ бол үндсэндээ төмөр замын аюулгүй байдлыг хангах, төмөр зам, авто замын огтлолцлыг хоёр түвшинд шийдсэн бас л шинэлэг ажил юм. Үүнийг хийсэндээ бас их бахдалтай байгаа. Дээрээс нь явган хүний хөдөлгөөн бол Улаанбаатар хотын түгжрэлийг маш их саатуулдаг, аваар осол гардаг, хүний амь насанд аюултай. 2012-2016 онд дөрвөн байршилд явган хүний гүүрэн гарц хийсэн. Бөмбөгөрийн хажууд явган хүний гүүрэн гарц, Зуун айлын хүүхдийн хоёрдугаар эмнэлгийн гүүрэн гарц, 120 мянгат, Ажилчдын соёлын төвийн арын улаан гүүр. Дээрээс нь бид чулуун зам гэдгийг анх удаа Улаанбаатар хотод Лениний музей буюу Мишээл зочид буудлын орчим, Зүүн хүрээ хийд орчмын хороолол, Урт цагааны урд талын зам зэрэг нийт найман байршилд барьсан нь хурд сааруулагч болон борооны ус зайлуулах систем шаардлагагүй шийдэгдсэн шинэлэг ажлын нэг юм. Нийслэлийн иргэдээс авсан хамгийн том үнэлгээ бол Шарга морьтын 16,8 км зуслангийн зам юм. Зуслангийн ажилтай зэрэгцээд, замын ажил эхэлдэг. Яах вэ гэдэг асуудал тулгарсан. Урьдчилж хотын дарга Э.Бат-үүл бид хоёр ард иргэдээсээ уучлалт хүсэж, зуслангийн чиглэлийн зам барилгын ажил эхэллээ шүү, тиймээс та бүхэн зуслангийн нэг зуныг тэсвэрлээд, боломж байдаг бол хөдөө орон нутагтаа очиж амраарай гэсэн мэдээллийг өгсөн. Ерөнхийдөө зам баригдаад олон бэрхшээл учирч магадгүй гэж хэвлэл мэдээллээр мэдээлсэн. Энэ ажлыг нэг зуны дотор л хийж дуусгасан. Олон УИХ-ын гишүүн яаж та нар энэ их ажлыг, хөдөлгөөн хаахгүйгээр ийм хурдан хугацаанд амжуулж чадав гэж байлаа. Мөн олон иргэд баяр хүргэсэн. Энэ бол үнэхээр гайхалтай бүтээн байгуулалт болсон юм. Энэ завшааныг ашиглан тэр үед хамт ажиллаж байсан нийслэлийн авто замын газрын хамт олон, зам барилгын ажилд оролцсон компаниудын нийт замчиддаа маш их баярлаж явдаг юм. Авто замыг ард түмэнд хүндрэл бэрхшээлгүй хийе гэж хүсвэл, зоригловол болж бүтдэг л ажил. Дараа нь хийсэн бүтээснээ харах, дээгүүр нь давхиж явахад аз жаргалтай байдаг юм. Өнөөдрийн нийслэлийн удирдлагууд зам барилгын бүтээн байгуулалт дээр болж бүтэхгүйгээ эхэлж ярих юм. Замын ажлыг нийслэлчүүддээ эхэлж зөв ойлгуулаад, хөрөнгө мөнгө, зураг төслийг нь зөв шийдээд явахад тийм ч хүнд ажил биш юм. Буянтай ажил шүү.


Categories
мэдээ нийгэм

А СЕМ-ын төсвийн санхүүжилтээс завшсан этгээдүүддарга

АСЕМ-ын бэлтгэл ажилд 2015, 2016 оны төсвөөс урсгал зардалд нийт нэг тэрбум 957 сая төгрөг зарцуулжээ. Үүнээс 507.3 сая төгрөгийг АСЕМ-ын бэлтгэл ажилд хамааралгүй арга хэмжээнд зарцуулсан гэдгийг Үндэсний аудитын газраас тогтоосон байна.


“Койка” байгууллагаас хандивласан буцалтгүй тусламжийн нийт хөрөнгийн хэмжээ, үнийн дүн тодорхойгүй байна

АСЕМ-ын үйл ажиллагаанд зориулж БНСУ-ын олон улсын “Койка” байгууллагаас хандивласан буцалтгүй тусламжийн нийт хөрөнгийн хэмжээ, үнийн дүн нь тодорхойгүй байгаа юм. АСЕМ-ын үйл ажиллагаанд БНХАУ, БНСУ-ын олон улсын “Койка” байгууллагаас нийт 20.4 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн тусламжаар ирсэн гэнэ. Гадаад харилцааны яамны сайдын 2016 оны хоёрдугаар сарын 29-ний А/17 дугаар тушаалаар БНСУ-ын “Койка” олон улсын байгууллагаас ирэх буцалтгүй тусламжийн хүлээн авах 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан байна. Гэвч уг ажлын хэсгийнхэн хөрөнгө хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар ямар нэг мэдээлэл Гадаад харилцааны яаманд байхгүй байгаа юм. Уг бүрэлдэхүүний ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Гадаад бодлогын зөвлөх А.Баттөр болон Гадаад харилцааны яамны АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны орлогч дарга Д.Баясгалан, Хууль зүйн яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга Т.Ганбаатар, АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны ахлах мэргэжилтэн С.Амарсанаа, Төрийн тусгай хамгаалалтын газрын Хяналт шинжилгээ, дотоод аудитын тасгийн дарга хошууч Ж.Гантөмөр, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, хангамжийн газрын Хангамжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Цэндбаяр, Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэх буудлын удирдах газрын Орон нутгийн аэродром, инженерийн албаны дарга Г.Мөнхболд, Онцгой байдлын ерөнхий газрын Санхүү, хангалт үйлчилгээний газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн Д.Болорцэцэг, Гааль, татварын ерөнхий газрын Хяналт бүрдүүлэлтийн газрын байцаагч О.Мөнхзул, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр, Монголын Зочид буудлуудын холбооны ажилтан Б.Содгэрэл нарын гишүүдтэй байжээ. Иймд “Койка” байгууллагын тусламжтай холбоотой асуудлыг хуулийн байгууллагад шалгуулахаар болсон байна.

Томилолт нэрийдлээр АСЕМ-ын зардлаас завшжээ

Гадаад харилцааны сайд, мэргэжилтнүүд АСЕМ-ын үйл ажиллагаатай холбогдолгүй гадаад томилолтод 263.9 сая төгрөгийг зарцуулсан байна. Үүнийг Үндэсний аудитын газраас нотлох баримттай тулган шалгажээ. Тухайлбал, Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн, сайдын туслах Г.Учралт нар 2015 оны есдүгээр сарын 9-нөөс сар орчим хугацаанд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд оролцохоор явжээ. Уг томилолтын сайдын зочид буудлын зардлыг нэг хоногт 5000 ам доллар, туслахын зочид буудлын зардлыг нэг хоногт 200-400 ам.доллараар тооцжээ. Гэтэл гүйцэтгэлээр сайдын зочид буудалд нэг хоногт 1500 ам.доллараар тооцон, 12.8 мянган ам.доллар буюу 25.6 сая төгрөг илүү олгосон аж. Харин туслахын зочид буудлын зардлыг нийт 600 ам.доллар буюу 1.2 сая төгрөгөөр илүү олгосон аж. Мөн Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн, Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин нарын 2016 оны хоёрдугаар сарын 10-15-ны өдрүүдэд ХБНГУ-ын Мюнхен хотод бага хуралд оролцсон томилолтын зочид буудлын зардлыг Л.Пүрэвсүрэн 4.0 сая, Г.Амартүвшин 2.3 сая төгрөгөөр тус тус хэтрүүлэн олгожээ.

Иргэн Д.Бат-Эрдэнэ АСЕМ-ын хөрөнгөнөөс 16.7 сая төгрөгийг завшсан байна

Ази, Европын дээд түвшний уулзалтын 20 жилийн ойд зориулан хүрэл цутгамал “Тэнгэрийн өрх” хөшөөг барьсан. Уг хөшөөг 500 сая төгрөгөөр бүтээхээр “АСЕМ”-ын Бэлтгэл ажлын албаны олон нийттэй харилцах ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатар, “Олон Улсын уран бүтээлчдийн Монголын холбоо” ТББ-ын тэргүүн А.Чадраабал нар 2016 оны наймдугаар сарын 2-нд гэрээ байгуулжээ. “Олон Улсын уран бүтээлчдийн Монголын холбоо” ТББ-д гэрээний дагуу Гадаад хэргийн яамнаас тус оны наймдугаар сарын 3-нд 500 сая, “АСЕМ 2016 уулзалтыг дэмжих сан” ТББ-аас уг уран баримлыг БНХАУ-аас оруулж ирэх гаалийн татвар 58.1 сая, бусад нэмэлт зардалд 22 сая төгрөг, нийт 580.1 сая төгрөгийг санхүүжүүлсэн байна. Уг хөшөөг Сүхбаатарын талбайн урд нүүлгэн шилжүүлэх ажилд “АСЕМ 2016 уулзалтыг дэмжих сан” 88.6 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. Улмаар “Шандаст хонгор” ХХК-д нийт 71.9 сая төгрөгийг олгосон байна. Мөн хөшөөний ажилтай холбоотойгоор иргэн Д.Бат-Эрдэнэтэй гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр ямар ажил гүйцэтгэх нь тодорхойгүй 16.7 сая төгрөгийг бэлнээр олгосон байна. Ийнхүү “Тэнгэрийн өрх” хөшөө хийлгэх, суурилуулах болон “Энхтайваны хонх” хөшөөг зөөж суурилуулахтай холбоотой нийт 668.7 сая төгрөгийн зардал гарсан боловч анхан шатны санхүүгийн баримт дутуу, ажил хүлээж авсан акт, хүлээлгэж өгсөн акт баримт байхгүй байгаа юм. Тиймээс “Олон Улсын уран бүтээлчдийн Монголын холбоо” ТББ, “Шандаст хонгор” ХХК болон иргэн Д.Бат-Эрдэнэ нарыг хуулийн байгууллагад шалгуулахаар болсон гэнэ.

Хөгжлийн Банкны эх үүсвэрээр арилжааны банкаар дамжуулан 17 аж ахуйн нэгж зээл авчээ

АСЕМ-ын зочид төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудад болон “АСЕМ Вилла” цогцолбор хотхоны төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх үеэр бас нэгэн асуудал гарчээ. Ингэхдээ нийт 275.0 тэрбум төгрөгийн нэрлэсэн дүн бүхий Хөгжлийн банкны үнэт цаасыг дотоодын арилжааны банкаар дамжуулан зургаан жил хүртэлх хугацаатай, жилийн дөрвөн хувийн хүүтэйгээр арилжаалж, холбогдох гэрээ хэлцлийг байгуулсан байна. Үүний хүрээнд 17 аж ахуйн нэгжид зээл олгосон хэдий ч зээлийн зөвшөөрөгдөх хэмжээ хэтэрсэн, эргэн төлөгдөх нөхцөлгүй зэрэг олон зөрчил илэрсэн аж.

Тодруулбал, “Скай Резорт” ХХК АСЕМ Вилла цогцолбор 125,000.0

Макс ложинг ХХК Рамада зочид буудал 2,500.0

Макс хотелс ХХК Холидэй Инн Улаанбаатар 24,496.1

Пума империал ХХК Империал зочид буудал 21,384.0

Хурд интернэшнл ХХК Foir Point by Sheraton 14,000.0

Сэлбэ плаза ХХК UB City зочид буудал 967

Хасэбэ-интернэшнл ХХК Цэцэг зочид буудал 1,612.5 Дүн 189,960.4

Голомт банк Чингис хаан цогцолбор ХХК Чингис зочид буудал 9,400.0

Дизайнер клуб ХХК Спрингс зочид буудал 303.1

Номадс Рэзиденс ХХК No­tel nine Ulaanbaatar 12,296.9 Дүн 22,000.0

Улаанбаатар банк Сити тоувер хотел ХХК City tower зочид буудал 11,320.0 Дүн 11,320.0

ХААН банк Амури Оргил ХХК Grand Hill зочид буудал 900.0

Премиум Палас Улаанбаатар Премиум Палас ХХК

Континснтал ХХК Континснтал зочид буудал 800.0

Хаан палас ХХК Кэмпински зочид буудал 729.0 Дүн 2,429.0

Төрийн банк Чингис хааны хүрээ ХХК Чингис хүрээ цогцолбор 6,500.0

Мика интерпрайз ХХК Мика зочид буудал 1,216.0 (сая.төгрөг)

Иймд дээрх 17 аж ахуйн нэгжийг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахаар болсон гэв. Хөнгөлөлт зээл авсан компаниуд дундаас “Скай резорт” ХХК гэхэд энэ оны гуравдугаар сарын 19-ний байдлаар 125.0 тэрбум төгрөгийн зээлийн хүүд 23.8 тэрбум төгрөг төлсөн ба 95.1 тэрбум үндсэн зээлийн төлөөгүй үлдэгдэлтэй гэх зөрчил илэрсэн байна.

Б.АМАРТҮВШИН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хорооллын дундах замаар жолооч нар таван км цагаас илүү хурдлахгүй байхыг анхааруулав

Сүүлийн үед хороолол дундах зам дагуу хүүхдүүд автомашинд мөргүүлж гэмтэх осол багагүй бүртгэгджээ. Энэ нь сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой аж. Хүүхдүүд хөдөө зуслан, лагер руугаа явж амжаагүй болохоор гудамж талбайд скутер, дугуй, бөмбөгөөр тоглож байгаа. Тоглоомондоо улайрч, ар араасаа хөөцөлдөж гүйлдсэн багачууд машин явж буйг ч анзаардаггүй. Дээрээс нь хүүхдийн тоглоомын талбай хомс болохоор хүүхдүүд шууд автомашины зам дагуу тоглож, хөөцөлдөж яваад машины урдуур орж бэртэж гэмтэж байна. Энэ талаар сурвалжлахаар бид өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр болох XI хорооллын орчимд очлоо. Хорооллуудын дундах нарийн замуудаар явж буй автомашинуудтай зэрэгцэн хүүхдүүд хамаагүй гүйлдэх юм. Бага ангийн сурагчид бололтой хэдэн хүү уралдан гүйж байгаад нэг нь гэнэт замаа товчлон тэнд явж байсан автомашины урдуур ороод жирийв. Жолооч огцом тоормос гишгэж амжаагүй бол хүү дайруулж болзошгүй байсан юм. Тус хорооллын тоглоомын талбай дээр гараа гипсдүүлсэн хүү зогсож байлаа. Тэрээр Машинд мөргүүлсэн аж. “Дугуйгаа унамаар л байна. Даанч гараа гэмтээчихсэн. Дахиад гараа гэмтээхгүй ээ. Манай найзууд бүгдээрээ скутерээр уралдах гээд явчихсан. Би гараа гэмтээсэн болохоор намайг дагуулж яваагүй” гэж тэр хүү өгүүлэв.

ЭЦЭГ ЭХЧҮҮД 12-ООС ДООШНАСНЫ ХҮҮХДИЙГ ҮРГЭЛЖ ХАРАА ХЯНАЛТТАЙ БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ ГЭЛЭЭ

Хэд хоногийн өмнө нэгдүгээр хороололд дугуй унаад явж байсан хүүхэд автын осолд өртсөн хэрэг гарсан байна. Эцэг эх нь хүүг Гэмтэл согог судлалын үндэсний төвд сахиад хэвтэж байгаа гэж цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Гэтэл түүнийг дайрсан жолооч “Би 20 км цагийн хурдтай явсан” гэж мэдүүлсэн байна. Өөр нэг бага насны хүү тоглоомын талбайд явж байгаад приустэй жолоочид мөргүүлсэн хэрэг гарчээ. Хүү нуруунаас доош мэдээгүй болсон аж. Энэ мэтчилэн томчуудын хараа хяналтаас гадуур хүүхдүүд гэмтэж, бэртэж байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.

Цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас дараахь тодруулгыг авлаа.


-Хүүхдүүд юунаас болж зам тээврийн осолд өртөж байна вэ?

-Халуун дулааны улирал эхэлчихсэн байна. Хүүхдүүд зам дээр дугуй, скүтертэй явах нь ихэссэн. Үүнийг дагаад осол аваар ч нэмэдлээ. Эцэг эхчүүд 12-оос доош насны хүүхдийг үргэлж хараа хяналтан дороо байлгах ёстой. Аюулгүй ажиллагааны зааврыг биечилж зааж өгөх нь зөв. Хүүхдүүд замын хөдөлгөөнд хараа, сэтгэхүйгээр үнэлэлт, дүгнэлт өгдөг. Тийм учраас эндээс тийм хурдтай машин гарч ирээд намайг мөргөнө гэсэн ойлголт тэдэнд байхгүй шүү дээ. Жолооч нар хороолол дундах замд 20 километр цагаас илүү хурдалж болохгүй гэж заасан байдаг. Гэвч ачиж байгаа ачаа, байгалийн үзэгдэл зэргээс хамаарч хөдөлгөөний хурдаа сонгож явна гэсэн заалт бий. Жолооч нар хорооллын доторх хөдөлгөөнд 20 биш, таван километр цагийн хурдтай явах хэрэгтэй. Ингэснээр хүүхдүүд зам тээврийн осолд өртөх магадлал 20-40 хувиар буурах тооцоо судалгаа бий. Зам тээврийн ослын улмаас 2017 онд 507 хүн нас барсны 57 нь хүүхэд байсан.

-Хүүхдийн тоглоомын талбай хомс болохоор тэд зам руу гүйгээд байна уу?

-Жолооч нар хорооллын дундах хоёр эгнээтэй, зорчих хэсгийн замын нэгдүгээр эгнээг зөвхөн зогсоолын хэлбэрээр ашиглаж байна. Зайгүй зогссон тээврийн хэрэгслийн дундуур өндөр настан, хүүхэд гараад ирэхэд 20-30 километр цагийн хурдтай явж буй жолооч нар осол гаргах нөхцөл бүрдэж байгаа юм. Хорооллын доторх хөдөлгөөн маш аюултай. Хаанаас ч хамаагүй тоглоомын талбай, дэлгүүр явж байгаа хүмүүс гараад ирэх боломжтой. Үүн дээр онцгойлон анхаарч тээврийн хэрэгслүүд нэгдүгээр эгнээнд машинаа битгий тавиач ээ гэж уриалж байна. Мөн СӨХ-үүд байрны аюулгүй ажиллагааны зөвлөл байгуулан үүгээрээ дамжуулж бүтээн байгуулалт хийх хэрэгтэй. Хорооллын дундах хүүхэд болон явган хүн зорчдог замыг машин замаас тусгаарлаж, хашаажуулах зэрэг. Мөн СӨХ-үүд хүүхдүүдийн хараа хяналттай байна уу, хэрхэн замын хөдөлгөөнд оролцож байгааг хянаж, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа жолооч нарыг Цагдаагийн байгууллагад мэдэгдэх зэрэг ажлуудыг хийдэг урамшуулалт эргүүлийг санаачлан зохион байгуулах хэрэгтэй. Замын хөдөлгөөнд 100 хувь анхаарлаа хандуулдаг жолооч нар барагтай л байдаггүй. Согтуу, хэт ядарсан үедээ хөдөлгөөнд оролцож байна. Сүүлийн үед мансууруулах бодис, эм бэлдмэл хэрэглэсэн хүмүүс хөдөлгөөнд оролцож байгаа. Халуунд даралт нь 200 гарсан хүмүүс ч явж байна. Жолооч нар маш хариуцлагатай байж анхаарлаа 75-аас дээш хувь төвлөрүүлэх хэрэгтэй. Эндээс хүүхэд гараад ирэх вий дээ гэсэн жолооч сэтгэлгээ хэрэгтэй байна.

-Хэд орчим насны жолооч нар голдуу зам тээврийн осол гаргаж байна?

-Зам тээврийн осолд холбогдсон жолооч нар ихэвчлэн туршлагагүй байдаг. Зам тээврийн осолд өртсөн жолоочдын 50 гаруй хувь нь ердөө 0-7 жил жолоо барьсан байдаг. Харин 10-аас дээш жил барьсан жолоочид зам тээврийн осолд бага өртдөг гэсэн судалгаа бий. Энэ нь жолооч бэлтгэх үйл ажиллагаатай шууд холбоотой. Ялангуяа 18 нас дөнгөж хүрсэн туршлагагүй хүүхдүүд хамаагүй онгирч, давхиж байгаад аваар хийсэн тохиолдол их. Энэ бол дадлага туршлага, сэтгэл зүйн бэлтгэгдсэн байдал дутагдсаных. Жолооны үнэмлэх авах насыг өндөрсөе гэж нэлээн яригдсан. Гэвч хүүхдүүд 18 наснаас эхлэн жолооч болох сонирхолтой байгаад байна. Үүнийг хуульчилна гэвэл их түвэгтэй. Сургалтын чанарыг сайжруулах хэрэгтэй байна. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын системд жолооч бэлтгэх үйл ажиллагааг оруулж өгвөл зүгээр. Төгсөхөд нь үнэмлэхийг нь өгөөд төгсгөдөг. Шинэ жолоочид болон бусад хүний амь насыг хамгаалахыг тулд сургалтын орчинг нь сайжруулж чанаржуулах нь чухал. Монгол Улсад бүртгэлтэй байгаа тээврийн хэрэгслүүдийн 51 хувь нь буруу талдаа жолоотой. 2017 онд зам тээврийн осолд өртсөн тээврийн хэрэгслүүдийг аваад үзэхэд 72 хувь нь мөн буруу талдаа жолооны хүрдтэй машин байна.

Зам тээврийн ослын гэмт хэргүүдийг бууруулсан туршлагыг харахаар эдийн засаг, түрүүвчээр нь дамжаад аюулгүй ажиллагааг дадал болгодог юм. Харин Зөрчлийн хуулиар авч байгаа арга хэмжээний нөлөөлөл их бага харагдаж байгаа. Үүнийг чангаруулах, хүчирхэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Монгол Улсад хүүхдээ буруу тээвэрлээд явж байгаа хүнийг торгоод ямар ч нөлөөгүй. Гэтэл бусад оронд эцэг, эх байх эрхийг нь хасаж байна. Бүр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Манай улсын эрх зүйн зохицуулалт үнэхээр сул нөлөөгүй байгаа. Ялангуяа согтуу, болон хурд хэтрүүлж байгаа жолооч нар дээр хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.


Categories
мэдээ нийгэм

Х.Баянмөнх: Энэ жилийн баяр наадмын үеэр допингоос болж ямар нэг асуудал дэгдэх шинжтэй байна

Дархан аварга Х.Баянмөнх өчигдөр өглөө Допингийн эсрэг Үндэсний төвийн удирдлагуудыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хандаж, гомдлоо өглөө. Энэ талаар түүнээс тодруулсан юм.


-Ямар шалтгаанаар Допингийн эсрэг үндэсний төвийн удирдлагуудыг АТГ-т шалгуулахаар хандсан бэ?

-Бөхчүүдийн допингийн асуудал нь сүүлийн 16 жил ямар ч хууль дүрэм, хөндлөнгийн хяналтгүй, ганц хоёр эмч, сувилагчийн мэдэлд явсаар улам бүр даамжирч, бөхчүүдийг дарамталж, шантаажилдаг зэвсэг болж байна. Энэ жилийн баяр наадмын үеэр допингоос болж ямар нэг асуудал дэгдэх шинжтэй боллоо. Допингийн эсрэг үндэсний төвийн захирал, эмч, дээж авагч, хянагч тэргүүтэй хүмүүс бөхчүүдийн шинжилгээний хариуг хуурамчаар гаргадаг, шинжилгээний хариугаар шантаажилж бөхчүүдээс мөнгө авч хууль бус бизнес хийдэг, шинжилгээ авч дүгнэлт гаргахдаа хөндлөнгийн ямар ч хяналтгүй хийдэг, допинг илэрсэн бөхчүүдийн шинжилгээний хариуг нуун дарагдуулдаг хууль бус ажиллагаа хэрээс хэтэрч байгаа. Тийм учраас би АТГ-т Допингийн эсрэг үндэсний төвийг шалгуулж, гарч буй алдаа дутагдлыг шалгаж, зөв тийш нь зүглүүлэх хүсэлтээ өгчихөөд гарч ирлээ.

Допингийн эсрэг үндэсний төвийн ажилчид ах дүү, эхнэр нөхөр, хамаарал бүхий хүмүүс байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэйгөөс гадна, дээрх хууль бус үйл ажиллагаагаа хөндлөнгийн хяналтгүй гүйцэлдүүлэх шалтгаан болж байна. Тухайлбал, Допингийн эсрэг үндсэний төвийн гүйцэтгэх захирал нь “Аварга” Дээд Сургуулийн орлогч захирал Г.Сүхбат, их эмч нь Г.Сүхбатын шавь Д.Энхсанаа, хянагч нь Д.Энхсанаагийн нөхөр Энх-Амгалангийн дүү Хайдавдорж, дээж авагч нь мөн энэ хүмүүстэй хамаарал бүхий хүмүүс байна. Эдгээр хүмүүс бөхчүүдээс шээснээс чинь допинг илэрсэн, зарлалаа гэж мөнгө нэхдэг, мөнгө өгсөнгүй хэмээн олон нийтэд зарладаг, худал дүгнэлт гаргаж, шинжилгээний хариуг сольж, ид барилдах насан дээрээ байгаа олон залуучуудын амьдрал, нэр хүнд, хувь заяагаар тоглож байна. Бөхчүүдийн эрх ашгийг хохироох, сэтгэл санаагаар унагах, наадмын бэлтгэлийг хүчингүйтүүлэх, нэр төрийг гутаах зүйлүүд допингийн нөлөөн дор явагдаж байна. Цаашид бөхчүүдээс гадна хэн допинг оруулж ирж тариад байгааг олж илрүүлэх хэрэгтэй. Энд хэсэг бүлэг хүмүүс байгаа сурагтай. Иймд нийт бөхчүүд болон, наадмын комиссыг уриалж байна. Наадмаас өмнө эвлэрлийн гэрээ байгуулъя. Нэг холбоо болж улсын баяр наадмаа зөв зохион байгуулъя, сайхан тэмдэглэе.

-Допинг илэрсэн гэх бөхчүүд шүүхэд хандаж ялалт байгуулсан гэж үнэн үү?

-Тийм. Хоёр бөх допинг илэрсэн гэж шүүхэд хандсан. Баяр наадмын тухай хуульд улсын баяр наадамд сүүлийн 16-д үлдсэн бөхөөс допингийн шинжилгээ авна гэж заасан. Гэтэл эдгээр хоёр бөх ноднин жилийн баяр наадмаар допингийн шинжилгээ өгөөд илрээгүй. Гэтэл гэмгүй бөхчүүдийг шинжилгээнд оруулж, допинг илэрсэн гэж нийтэд зарласан. Тэр хоёр хүн шүүхэд хандаж ялалт байгуулан, улсын наадам, цагаан сар, бусад барилдаанд барилдах эрхтэй гэж шийдвэр гарсан. Энэ хоёр бөх бол улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш нар юм. Гэтэл шүүхийн шийдвэрийг нэг ТББ-ын тэргүүлэгчдийн хурлаар хүчингүй болгож байгаагаа зарлаж, барилдуулахгүй, бүртгэхгүй гэж зар тарааж байна. Энэ бол зохисгүй.

-Эвлэрлийн гэрээ байгуулахад юу саад болоод байна вэ?

-Эвлэрэхийг Б. Бат-Эрдэнэ болон Бөхийн салбар комиссын дарга Г.Баясгалан гэж хоёр хүн л зөвшөөрөхгүй байгаа. Бусад нь бүгд эвлэрье гэж байгаа. Г.Өсөхбаяр, А.Сүхбат аварга, Д.Рагчаа гарьд, Ц.Мягмарсүрэн заан, миний бие уулзалдаад эвлэрлийн гэрээ байгуулаад маргааш өглөө гарын үсэг зуръя гэтэл тэр шөнө Б.Бат-Эрдэнэ яриад хориглосон байсан. Мөн Засгийн газрын Шадар сайд Ө.Энхтүвшин хүлээж авах үед Г.Баясгалан гэдэг хүн эвлэрэхийг эсэргүүцсэн. Төр наадмаа хийдгээрээ хийнэ гэж над руу агсарсан. Өөрөөр хэлбэл наадмаа цагдаагийн хүчээр хийнэ л гэсэн үг. Жил бүр бөхчүүд асуудалд номхон хүлцэнгүй хандахгүй шүү. Хуучин бөхийн холбоотой хамааралтай маш олон асуудал дэгдэж гарч ирж байгаа.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Сурагч амиа алдлаа, нийслэл, дүүргийн боловсролын газрын дарга, 79-р сургуулийн захирал нар Эрүүгийн хариуцлага хүлээх ёстой

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалганы хөндлөвч төмөр унаж тавдугаар ангийн хүү дарагдаж амиа алдсан хэрэг энэ сарын 18-нд гарсан. Сургуулийн орчинд сурагч хүү амиа алдсан нь ноцтой хэрэг боллоо. Энэ хэргийг сурвалжлахаар Шар хадны эцсийн буудалд орших 79 дүгээр сургуулийг зорилоо. Тухайн сургууль гурван хичээлийн байртай аж. Уг хэрэг болсон хөлбөмбөгийн талбай сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн талд харагдана. Хөлбөмбөгийн талбайг битүүмжилжээ. Хүүхдийн аминд хүрсэн гэх нөгөөх хөндлөвч төмөр байсангүй. Хөлбөмбөгийн талбайн ногоон зүлгэн дээр асгарсан цус одоог хүртэл хатаагүй байв. Үүний хажууханд хагарсан хөлбөмбөгийн бөмбөг хэвтэж байлаа. Тус сургуулийн захирал болон биеийн тамирын багш Цагдаагийн байгууллагад байцаагдаж байгаа гэж сургуулийн ажилчид хэлсэн юм.

Уг хэргийн талаар тухайн өдөр ээлжинд гарч байсан сургуулийн жижүүрээс тодрууллаа. Тэрээр “Сургуулиас гарч ирэхэд хүү цус, хөөсөөр бөөлжиж ам хамраас нь цус гоожиж байсан. Тухайн үед цуг тоглож байсан хүүхдүүд нь бүгд явсан байлаа. Урд талын дэлгүүрийн залуу болон хоёр сургуулийн насны хүүхэд намайг очиход байсан. Хүүхдийн биеийн байдал маш муу, ухаангүй, гэхдээ арай нас бараагүй байлаа. Тэгээд бид даруй түргэн тусламж дуудсан. Түргэн маш шуурхай ирж эмч нар яаралтай түргэн тусламж үзүүлээд аваад явсан. Тэд хашаанаас дөнгөж гараад “Энэ хүүхэд өнгөрчлөө” гээд буцаад ирсэн. Тэгээд бид цагдаа дуудсан. Хүүхдүүд хөлбөмбөгийн талбайн хаалганы төмөр дээр гарч тоглож байгаад л нэгнийгээ гэмтээсэн гэж би бодож байна. Хаалгыг тогтоодог суурийн нэг талын төмөр нь хулгайд алдагдсан учраас хүүхдүүд ганхуулж унагаагаад байдаг байсан” гэлээ.

Хохирогч хүү 19.00 цагийн орчимд амиа алдсан бөгөөд 20 минутын дараа цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн аж. Цагдаагийн байгууллагаас “79 дүгээр сургуулийн сурагч 11 настай хүүгийн толгой дээрээс хөндлөвч төмөр унаж, нас барсан хэрэг өчигдөр оройн 19.20 цагт бүртгэгдсэн. Уг хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна” гэсэн юм. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас тодруулахад “Энэ асуудалд ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Урьдчилсан дүгнэлтээр хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж хүүхэд эндсэн. Тэр хавийн хүмүүс хөлбөмбөгийн талбайн төмрийн нэг талыг нь хулгайлсан, тэр нь догонцсон байхад нь хүүхдүүд тоглосон нь осол гарах шалтгаан болжээ” гэлээ.

Энэ хэргийн мөрөөр 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэтэй уулзлаа. Тэрээр “Цаашид сургуулийнхаа засвар үйлчилгээг хийнэ. Хүүгийн гэр бүлийнхнээс уучлал хүсч, эмгэнэл илэрхийлж байна. Ар гэрийн хүмүүстэй нь холбоо бариагүй. Ангийнх нь багш нь түүнийг сайн мэдэх байх. Миний санахаар эрсдэлт бүлгийн хүү байсан. Ээж нь салаад явчихсан, аав нь архины хамааралтай эмээтэйгээ амьдардаг ар гэрийн хараа хяналт султай хүүхэд байсан. Эндхийн хүүхдүүд хэлэхдээ энэ хавьд байнга тоглодог хүүхэд байсан гэх юм билээ” гэлээ.

Амь насаа алдсан хүүгийн авга эгч Ц.Алтантуяаг байцаагчтайгаа уулзчихаад шүүх эмнэлэг рүү явж байхад нь уулзсан юм. Тэрээр “Тус сургуулийн аюулгүй байдал муу байснаас болж миний дүү эндчихлээ. Үнэхээр гомдолтой байна. Оройн 18.00 цагийн үед манай дүү цайгаа уучихаад тоглочихоод ирье гээд гарсан. Тэгээд цаг гаруйн дараа эмээ рүү нь түргэнээс залгасан гэсэн. Эмээ нь утсаа авахгүй болохоор бид нар луу залгаад сургуулийн талбайд ийм зүйл болчихлоо” гэж ярьсан. Биднийг ирэхэд түргэний тэрэг, шүүх эмнэлгийн машин дүүг минь аваад явсан. Бид нар дүүгийнхээ барааг хараагүй, осол болсон газрыг нь харсан. Өчигдөр сургууль дээр чинь ийм юм болчихлоо захирал нь байна уу гэхэд надтай ердөөсөө харьцаагүй. Биеийн тамирын багш нь “14 хоногийн өмнө гагнасан” гэсэн. Тэгээд очоод харахад гагнасан зүйл харагдаагүй. Хүүхэд эндчихээд байхад сургуулийн зүгээс хэн ч надтай холбогдоогүй байна. Биеийн тамирын багш нь сургууль амарчихсан болохоор бид нарт хамаагүй гэсэн утгатай үг хэлсэн. Үнэхээр эвдрэл гэмтэлтэй байсан юм бол энэ талбайг яагаад хаагаагүй юм. Сургуулийн захиргаа анхааруулсан бол тийшээ хүн орохгүй шүү дээ. Миний зүгээс үнэхээр гомдолтой байна. Тавдугаар ангийн балчир хүү байсан юм. Бид нар гуравхан сартай байхад нь авч өсгөсөн. Эмээ, өвөө, эгч, аавтайгаа хамт амьдардаг. Аав нь барилгын ажил хийдэг, гэр бүлээ тэжээдэг хүн байдаг. Хүүхдийн амь эрсдчихээд байхад сургуулийн зүгээс, “Хараа хяналтгүй хүүхэд байсан” гэж хэлж болохгүй гэсэн юм.

Тус талбайн хаалганы хөндлөвч төмөр үргэлж унадаг байсан талаар тэрүүгээр явж байсан гурван хүү ярьсан юм. Тэдний нэг н.Ариунтөгс “Энэ талбай дээр байнга тоглодог. Бид нарыг тоглож байхад хаалганы төмөр хэд хэдэн удаа унасан. Миний хөл дээр нэг удаа унаж байсан. Манай ангийн Б.Тэмүүжингийн нуруун дээр бас унаж байсан. Тэгээд жоохон сууж байгаад зүгээр болсон. Энэ хавьд өөр тоглоомын талбай байхгүй учраас энд л ирж тоглодог. Заримдаа чулуугаар хөлбөмбөгийн хаалга хийж тоглодог. Энэ хэргийн талаар мэдээгээр сонссон” гэв.

Тус сургуулийн хөлбөмбөгийн талбай аюулгүй ажиллагааны стандарт нормийг баримтлаагүй байжээ. Өдөр бүр хүүхдүүд ирж тоглодог тус талбайн хаалга унаж хүүхдүүдийг гэмтээдэг байсан ажээ. Энэ мэт томчуудын хариуцлагагүй байдлаас болж хүүхдүүдийн амь нас, эрсдэж бэртэж гэмтэх тохиолдол цөөнгүй гарах болсон. Хамгийн ойрын жишээ нь Хүүхдийн паркийн “Сансрын хөлөг” тоглоом агаарт эргэж байхдаа хугаран унаж зургаан хүүхдийг гэмтээсэн хэрэг саяхан гарсан. Энэ мэт хэргүүд үргэлжлэн гарсаар байх уу. Үүнийг зайлшгүй таслан зогсоох хэрэгтэй. Уг хэргүүдийн холбогдогч этгээдүүд болох төрийн ажилтнуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой.

Сая амиа алдсан хүүхдийн асуудалтай холбоотойгоор нийслэл, дүүргийн боловсролын газар, сургуулийн удирдлага Эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Монголын үр хойч төрийн байгууллагуудын хариуцлагагүй, стандарт мөрдөөгүй, арчаагүй үйл ажиллагаанаас болж өдөр бүр амь насаа алдсаар байх юм уу.

Б.АМАРАА

Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар үргэлжилж байна

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт өнгөрсөн бямба гаригт эхэллээ. Улсын хэмжээнд 43846 шалгуулагч бүртгүүлсэн байна. Тэд нийтдээ 11 төрлийн хичээлээр шалгалт өгөх аж.

Шалгалт энэ сарын 16-наас 20-ны өдрүүдэд үргэлжилж байгаа юм. Тодруулбал, энэ сарын 16-ны 10:00 цагт Монгол хэл бичгийн шалгалт, 15:00 цагm Физик, 17-ны 09:00 цагт Монгол Улсын түүх, 13:00 цагт Англи хэл, 17:00 цагт Газар зүй, 18-ны 09:00 цагт Биологи, 13:00 цагт Математик, 19-ны 09:00 цагт Монгол хэл, 13:30 цагт Нийгмийн тухай мэдлэг, 20-ны 09:00 цагт Хими, 13:00 цагт Орос хэлний шалгалтуудыг тус тус өгнө.

Харин Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо, жагсаалтыг ирэх долдугаар сарын 1-ний 09:00 цагт Боловсролын үнэлгээний төвийн ECC.mn сайт дээр тавигдана гэв.

Шалгуулагчид өөрсдийн бүртгэлийн дугаар нууц үгээрээ ECC.mn сайт руу орж харах бүрэн боломжтой. Өмнөх оны шалгуулагчид долдугаар сарын 2-5-ны өдрүүдийн хооронд Боловсролын үнэлгээний төв дээр, Арванхоёрдугаар анги төгсөгчид тухайн өөрсдийн төгсөж байгаа сургууль дээрээсээ очиж батламжаа авах ажээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг тодорхой заасан, тохижуулсан анги танхимуудад явагдаж байгаа юм. Бид өглөөний 08.00 цагт Улсын тэргүүний 84 дүгээр сургууль дээр очиход сурагчид шалгалтдаа орохоор аль хэдийн ирсэн байв. Тэдний бичиг баримтыг шалгаж хуваарилагдсан анги танхим руу нь оруулж байлаа. Энд 84, 87, 88, 97, 111, 120 дугаар сургуулиуд болон хувийн сургуулиудын төгсөгчид шалгалтаа өгч байгаа гэнэ.

84 дүгээр сургуульд 690 гаруй хүүхэд шалгалт өгөхөөр хуваарилагджээ

Энэ үеэр шалгалтын материалыг задлахаар шалгалтын комисс болон гурван эцэг, эхийн төлөөлөл сургууль руу орлоо. 84 дүгээр сургуульд 690 гаруй хүүхэд шалгалт өгөхөөр хуваарилагджээ. 08.10 цагаас эхлэн Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах комиссын гишүүд болон багийн ахлагч байр байраа эзлэн төгсөгчдийг нэг эгнээнд жагсаан оруулж эхэллээ. Сургуулийн үүдэнд зогссон зохион байгуулагчид сурагчдыг гар утас, цүнхээ ар гэрийнхэндээ үлдээхийг шаардаж байв. Бичиг баримт бүрэн, гар утасгүй хүүхдүүд суудлын дугаарын дагуу хуваарилагдсан анги руугаа зохион байгуулагчдаар заалган орж байсан юм. Ангидаа орсон хүүхдүүдийг нэг нэгээр нь суулгаж байлаа. Улмаар 10.00 цагт Монгол хэл, бичгийн шалгалт эхэлсэн юм. Элсэгчид шалгалтын материалаа хөх өнгийн үзгэн балаар бөглөх журамтай билээ. Гэтэл холбогдох мэдээллээ дутуу авснаас болж, олон хүүхэд харандаатай ирсэн харагдана. Шалгалт эхлэхээс өмнө сургуулиас хэд хэдэн хүүхэд үзгэн бал авахаар гарч байв. Шалгалтын хугацаа 80 минут учир эцэг эхчүүд хүүхдүүдээ хүлээж байсан юм. Хүүхдүүдээ шалгалтаас гарч ирэхийг хүлээн суух цөөн эцэг эхээс зарим зүйлийг тодрууллаа. Эцэг эхчүүд нь тэр бүр Элсэлтийн ерөнхий шалгалт явагдахад гадаа нь хүлээгээд суугаад байдаггүй бололтой. Зарим нь ажилдаа явчихаад, гарч ирэхийнх нь үед ирдэг гэнэ. Энэ үеэр Баянзүрх дүүргийн иргэн Г.Батболд “Манай охин энэ жил арванхоёрдугаар анги төгсөж байгаа. Өнгөрсөн хугацаанд хичээлийг нь сайтар бэлдүүлж, шамдуулж байсан үр дүнгээ одоо л үзнэ дээ. Өөрөө жүжигчин болох сонирхолтой. Гэхдээ хичээлдээ их сайн. Матетамик, эсвэл химийн хичээлээр гүнзгийрүүлэн судлаад явбал, зүгээр гэж зөвлөөд сууж байна. Ажлын байр ч элбэг байдаг. Гараад ирэхээр нь охинтойгоо хоолонд орно. Тэгээд Физикт нь оруулна” гэв.

Төд удалгүй шалгалтад орсон хүүхдүүд гарч ирлээ. Элсэлтийн шалгалтад орсон сурагч О.Батзаяа “Монгол хэл, бичгийн шалгалт хүнд байлаа. Одоо Физикийн хичээлийн шалгалттай. Нийт зургаан шалгалт өгч байгаа. Хими, Биологийн хичээлдээ түлхүү анхаарлаа хандуулж, бэлдсэн. Ээж ажлаасаа чөлөө аваад надтай хамт ирсэн. Гэхдээ эцэг эхчүүдийг оруулахгүй болохоор гадаа хүлээгээд сууж байсан. Надад монгол хэл, бичгийн даалгавар нь жаахан эргэлзээтэй хэцүү санагдлаа. Бидний хувьд хамгийн хэцүү хичээл бараг л Монгол хэл, бичиг шүү дээ. Бусдыг нь гайгүй хийчихсэн байх гэж бодож байгаа. Анагаах ухааны их сургуульд орох хүсэл бий. Эмч болох мөрөөдөлтэй. Олон хүний амь насыг авардаг буянтай мэргэжил. Гэхдээ ээж, аав хоёр “Эмч гэдэг хэцүү ажил юм биш үү” гээд байдаг болсон. Тэд “их хатуу, чи тэвчиж суралцаж төгсөөд амжилттай ажиллаж чадах юм уу” гэж бас зааж зөвлөсөн. Аав маань харин “өөрөө чадна гэж байгаа учраас чадах байлгүй дээ. Өөрөө мэддээ” гэдэг хэмээн ярилаа.

Улсын тэргүүний 84 дүгээр сургуульд шалгалт өгч байсан хүүхдүүдээс, эрүүл мэндийн шалтгаан болон бичиг баримтаа мартаж бүтэлгүйтсэн зэрэг зөрчил хэд хэд гарлаа. Гэхдээ тэр дор нь зохион байгуулагчид нь уг асуудлыг шийдэж байсан юм. Харин Нийслэлийн зарим сургуулийн танхимд шалгалт өгөх ёстой сурагчдаас буруу бичиг баримт авчирсан, бүртгэлийн хуудсаа баталгаажуулаагүй зэрэг зөрчил ганц, хоёр бүртгэгдэж шалгалтын танхимд орж чадалгүй буцчихсан гэнэ. Тус сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд шалгуулж байгаа аж.

Бичиг баримтын зөрчилтэй 50 гаруй элсэгч байжээ

Энэ онд 43846 шалгуулагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 87 хувь буюу 37950 нь энэ жилийн төгсөгч, 5896 нь өмнөх оны төгсөгч юм байна. Тэгвэл өмнөх оны шалгуулагчид Улсын тэргүүний 24 дүгээр сургуульд шалгалтаа өгч байгаа юм. 17.00 цагт тус сургууль дээр очлоо. Энэ үеэр Физикийн шалгалт дөнгөж дуусч, элсэгчид гарч ирж байв. 24 дүгээр сургуулийн шалгалтын төвийн Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн н.Цолмонгоос шалгалтын явцын талаар асуулаа. Тэрээр “Өмнөх оны шалгуулагчид манай сургууль дээр шалгалт өгч байна. Монгол хэл, бичгийн шалгалтад 709 шалгуулагч хамрагдах ёстойгоос 392 шалгуулагч ирсэн. Шалгалтад ороогүй 317 хүүхэд байна гэсэн үг. Физикийн шалгалтад 159 шалгуулагч орох байснаас 123 нь ирсэн. 36 шалгуулагч огт ирээгүй. Манай төв дээр томоохон зөрчил гараагүй. Сэдэв даалгавар болон өөр ноцтой асуудал гарсангүй. Гэхдээ өмнөх оны шалгуулагчийн хувьд бичиг баримтын зөрчил дийлэнх хувийг эзэлж байсан. Одоогоор бараг 50 гаруй элсэгч бичиг баримтын зөрчилтэй байлаа. Тус элсэгчдийн асуудлыг дор нь шийдээд шалгалтад хүүхдүүдийг аль болох хохиролгүй оруулсан байгаа. Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалт манай сургуульд болно” гэв.

24 дүгээр сургуулийн шалгалтын төвд Физикийн шалгалтад орсон Политехникийн коллежийн сурагч Н.Даваажаргал “Өнгөрсөн жилүүдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын материалаас ажиллаад нэлээн бэлтгэж байсан болохоор харьцангуй гайгүй санагдлаа. Аав, ээж хөдөө явчихсан эзгүй байгаа. Ахтайгаа ирсэн. Утас болон ямар нэг эд зүйл авч орох хориотой учраас манай ах хадгалаад сууж байсан юм. Тэгээд саяхан явсан. Монгол хэл, бичгийн шалгалт арван асуулттай, тус бүртээ хоёр оноотой байсан. Тэгээд нэг эх өгөөд монгол бичиг рүү хөрвүүлэх даалгавар байсан. Надад монгол бичгийн даалгавар тийм ч хэцүү санагдаагүй. Харин физик нэлээн хэцүү байсан. Дөрвөн хэсэг 45 асуулттай. Хоёрдугаар хэсэг нь тэр чигтээ бодлого байна лээ. Би барилгын инженер болох сонирхолтой. Нэг ёсондоо ШУТИС-д орно гэсэн үг. Барилгын компанид инженерийн туслахаар ажиллаж байсан” гэсэн юм.

Тавдугаар сургуулийн шалгалтын төвд ажиллаж буй хянагч багшаас зарим зүйлсийг тодрууллаа. Тэрээр “Энэ жилийн ирц хангалтгүй байна. Өнөө өглөөний Монгол хэл, бичгийн шалгалтад манай зааланд 24 хүүхэд орох ёстойгоос ердөө арван элсэгч л оролцсон. 15 хүүхэд нь ирээгүй. Физикийн шалгалтад мөн 13 хүүхэд огт ирсэнгүй. Долоон хүүхэд л танхимд хүлээж байна. Өнөөдөр ямар нэг зөрчил гараагүй. Үнэлгээний төвөөс гарсан журмын дагуу бид ажиллаж байна. Хүүхдүүд журмаа харьцангуй сайн судалсан байна. Ямар нэг хууль бус үйлдэл гаргахгүй байгаа. Бүх зүйл ном журмын дагуу явагдаж байна” гэлээ.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

“Цэнхэр халим” хэмээх хий үзэгдэл монгол хүүхдүүдийг ангуучилсаар байх уу

Тоглоом гэх нэрийн дор хүний амь насыг авч оддог онц аюултай нийгмийн сүлжээ “Цэнхэр халим” олон улсад төдийгүй Монголд гарах болсоор удлаа. Өнгөрсөн онд 130 гаруй хүүхэд тус тоглоомыг тоглосон гэдгийг Цагдаагийн байгууллагаас тогтоожээ. Фэйсбүүкийн групп чатаар явагддаг уг сүлжээ шил шилээ даран үүсч Монголд нутагшсан байна. ОХУ-д энэхүү сүлжээнээс улбаалан 130 гаруй хүүхэд амиа хорлосон гэх таагүй мэдээ байдаг аж. “Цэнхэр халим” тоглоомд өсвөр насны хүүхдүүд уруу татагдах нь элбэг. Хүүхдүүд ихэвчлэн тоглоом гэж эндүүрэн сүлжээнд нэвтэрдэг гэнэ.


12 ДУГААР АНГИЙН СУРАГЧ “ЦЭНХЭР ХАЛИМ”-ЫГ ТОГЛОСНЫ УЛМААС АМИА ХОРЛОСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Өнгөрсөн онд Эрдэнэт хотод 15-19 насны хоёр охин байшин дээрээс зэрэг үсэрч амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан байдаг.

Охидын үхлийн шалтгааныг тус газрын оршин суугчид “Цэнхэр халим” тоглоомоос болсон байх хэмээн таамаглаж байгаа юм. Уг хэрэг болохоос өмнө хоёр найз үүнтэй адил шалтгаанаар амиа алдсан тохиолдол гарчээ. Энэ төрлийн гэмт хэргээс болж сүүлийн жилүүдэд хүүхдүүд амиа хорлох нь ихэссэн гэдгийг зарим эх сурвалж мэдээлж байна.

Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд “Цэнхэр халим”-тай холбоотой хэрэг дахин гарчээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч А гэртээ өөрийгөө дүүжилж, амиа алдсан байдалтай олджээ. Уг хэргийн учир шалтгааныг түүний асран хамгаалагчид судалж үзэхэд “Цэнхэр халим” тоглоомтой холбоотой байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн аж. Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө хохирогч А-гийн гар утсыг эцэг, эх нь хурааж авсан гэнэ. Харин хохирогч хүү 2000 нэгж авч хөрш айлынхаа найзын утаснаас интернэтэд холбогддог байжээ. Хохирогч А-г амиа алдсаны дараа түүний асран хамгаалагчид утсыг нь шалгаж үзтэл нэгэн учир битүүлэг фейсбүүк групп олдсон байна. Тус групп 1700 орчим гишүүнтэй бөгөөд тэд хоорондоо элдэв янзын даалгавар биелүүлэхийг шаарддаг байсан ажээ. Талийгаач А-гийн ар гэрийнхэн нь одоогоор үхлийн шалтгааныг тодруулахаар Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт хандаад байгаа гэв. Хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм. Иймээс эцэг, эхчүүдийг дунд сургуулийн хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сануулж байна.

ЧИГЛҮҮЛЭГЧ СҮРДҮҮЛЖ ДААЛГАВАР ӨГДӨГ БАЙСАН ГЭВ

Өнгөрсөн онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба “Цэнхэр халим” нэртэй фэйсбүүк хуудас, бүлэг шинээр үүсгэж, хүүхдүүдийг бүртгэн, далд хэлбэрээр сурталчилсан цөөнгүй тохиолдол бүртгэжээ. Уг тоглоомоор тоглосон, шинэ хаяг үүсгэсэн хүүхдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаныхан илрүүлэн шалгасан байна. Харин даалгавар өгч чиглүүлж байсан этгээд тоглоомоос гарах үр дагаврыг ухамсарлаагүй өсвөр насны хүүхэд байжээ. Тэрээр “Эхлээд сонирхоод “Цэнхэр халим” нэртэй цахим хаяг нээсэн. Гэтэл богинохон хугацаанд олон дагагчтай болсон. Даалгавруудыг нь интернэтээс харж хэлдэг байсан. Энэ хугацаанд 300 гаруй даалгавар авагчтай болсон” гэж мэдүүлжээ. Түүний хохирогчдын нэг нь 12 настай охин бөгөөд “Чиглүүлэгч сүрдүүлж даалгавар өгдөг байсан” хэмээн ярьсан юм.

Өнгөрсөн онд “Цэнхэр халим” тоглоомыг тоглосон байж болзошгүй хэргийг шалгах явцад хэд хэдэн бүлэг, групп үүсгэсэн, дагагчдын тоо олон байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлж, таслан зогсоожээ. Мөн сурагчид болон оюутнууд дээрх тоглоомд нэгдэн, нэгэндээ даалгавар өгч, эхний даалгавруудаа биелүүлж биедээ гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг мэдээллээ. Зааварчилгаа нь тухайн хүний бие махбод, сэтгэл санаанд ноцтой хохирол учруулах даалгаврууд юм. Даалгавар хүндэрснээр хамгийн сүүлийн өдөр тухайн хүнийг амиа хорлоход хүргэдэг байна.

Энэхүү тоглоомоор тогло-дог байсан Б-гээс тодруулахад “Бид даалгавар өгөгчийг “Цэнхэр халим” гэдэг. Тэрээр тоглогчдод тусгай код өгч “халим” гэж нэрлэдэг. Тэр халимуудад даалгавар өгч хийж чадахгүй бол гэр бүлийнхэн рүү нь дайрна гэж сүрдүүлж байсан. Гар дээр юм зуруулах, сийчүүлэх гэх зэрэг даалгавар өгдөг байлаа. Одоо ч манай найзуудын дунд тоглодог хүүхэд бий” гэв.

Уг тоглоомыг тоглож байсан бас нэгэн залууг цагдаагийнхан байцаажээ. Тэрээр “Анх сонирхож тоглосон. Тэгээд хэдэн хүнд даалгавар өгсөн. Ийм зүйл болно гэж мэдээгүй. Анх ороход гурван хүн байсан. Бүлгийн нэг удирдагчид нь хүсэлт тавьж, тухайн группын үйл ажиллагааг чиглүүлдэг болсон. Тэгээд 300 гаруй хүн элсүүлсэн. Даалгаврыг анх фэйсбүүк хуудаснаас олсон” гэж мэдүүлжээ.

Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагч охин дээрх тоглоомд уруу татагдсан агаад цагдаагийнханд “Дүү нарын чинь зурагнуудыг авч байгаад бусад бүлгүүдэд тавина, чиний бүх мэдээллийг ямар нэгэн байдлаар олж авч чадна” гээд гар, хөл дээрээ хутгаар сийчиж, зүүгээр хатгахыг үүрэг болгосон хэмээсэн байна. Тэр охиныг бусдад уруу татагдан, биедээ гэмтэл учруулж болзошгүй талаар аавынх нь утас руу цагдаагийнхан залгаж хэлжээ.

“Цэнхэр халим” группын удирдагч гишүүдээ элдэв бусаар дарамталдаг аж. Тухайлбал, Чи дөрвөн цагт унтахгүй бол хэвийн биш, сэтгэцийн өвчтэй гэх мэт. Энэхүү дарамтлалуудыг хүүхдүүд чухал зүйл гэж ойлгодог нь хачирхалтай. Улмаар хүүхдүүд нэг нэгийгээ уруу татаж, тоглохгүй гэсэн нэгнийгээ аймхай хулчгараар нь дууддаг аж.

Нийгмийн сүлжээгээр тархаад буй “Цэнхэр халим” хэмээх тоглоом нь өсвөр насныхныг амиа хорлоход өдөөн турхирдаг. Энэхүү тоглоом нь оролцогчоо амиа хорлох хүртэл даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд гэр бүлийг нь хөнөөнө гэж сүрдүүлдэг бүлэг этгээдийн хууль бус ажиллагаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлдэг.

Энэ тоглоом манай улсад аль хэдийн орж ирсэн. Уг тоглоомын дагуу нийт 50 даалгавар биелүүлдэг. Тоглоомыг тоглож эхлэх үед даалгавар өгөгчийн зүгээс тоглож буй хүнд өөрийгөө өвтгөх, аймшигтай бичлэг үзэх зэрэг даалгавруудыг өгч, үүгээр ч зогсохгүй тоглогчоос мөнгө нэхэж, хэрвээ тоглоомноос татгалзах гэвэл хувийн мэдээлэл дээр нь үндэслэн сүрдүүлдэг. Гэр бүлийнхэн болон тоглогчийг өөрийг нь сүрдүүлснээр яах ч аргагүй байдалд орон айдаст автаж, өөр хүмүүст хандаж чаддаггүй аж. Дахин сануулахад уг тоглоом өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл санааны эмзэг байдлыг ашиглаж амиа хорлоход өдөөн турхирдаг. Амиа хорлох хүртэл даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд гэр бүлийг нь хөнөөнө гэж сүрдүүлдэг бүлэг этгээдийн хууль бус ажиллагаа юм.


Categories
мэдээ цаг-үе

Д.Батсүх: Хоёр Ерөнхий сайдыг хорьсон асуудал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн

Монголын өмгөөлөгчдийн холбооноос “Өмгөөлөгчийн хараат бус байдал, өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллага” олон улсын бага хурлыг энэ сарын 25-нд зохион байгуулсан. Энэ үеэр Монголын Хуульчдын холбооны анхны ерөнхийлөгч, өмгөөлөгч Д.Батсүхтэй ярилцлаа.


-Өмгөөллийн тухай хуулийг дахин батлуулах үйл явцын талаар яриагаа эхэлье?

-Хууль зүйн дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан өмгөөллийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг өнгөрсөн 2017 оны аравдугаар сард байгуулагдсан. Үүнээс хойш үйл ажиллагаагаа нэлээн эрчимтэй явуулж байна. Хуулийн төсөл үндсэндээ боловсруулагдсан. Энэ хуулиар өмгөөлөгчийн эрх зүйн байдлын өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Өмгөөлөгчдийн холбооны эрх зүйн байдлыг хуульд тодорхой тусгаж өгч байгаа. Шинээр боловсруулагдсан хуулийн төслийн бас нэг онцлог нь 1990 онд НҮБ-аас баталж, гишүүн улс, орнууддаа санал болгосон “Өмгөөлөгчийн үүргийн талаарх зарчим”-д бүрэн нийцүүлэхийг зорьж, боловсруулагдсан байгаа.

-Ямар зохицуулалтууд орсон бэ?

-Өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг илүү тодорхой болгосон. Үүнийг дагаад өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцаа авдаг иргэдийн эрхийг хангахад чиглэгдсэн маш чухал зохицуулалтууд орсон. Нэгдүгээрх нь өмгөөлөгчийн эрх үүргээс гадна өмгөөлөгчийн хариуцлагын асуудлыг нэлээн тодорхой тусгаж өгч байна. Өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллагын тогтолцоо зохион байгуулалтыг өөрөө удирдах ёсны удирдлагынх нь зарчимд нийцүүлсэн зохицуулалттай хуулийн төсөл боловсруулагдаад байгаа. Мөн гол асуудал болох өмгөөлөгчийн мэдлэг, ур чадвар, ёс зүйн асуудалд тавигдах шаардлагууд үүнийг хянах шалгах шийдвэрлэх тогтолцоог илүү боловсронгуй, тодорхой болгоход чиглэгдсэн зохих зохицуулалтуудыг төсөлд хийсэн.

-Өмгөөлөгчийн ёс зүй гэж яригдаад байгаа. Олон нийтийн дунд өмгөөлөгчид мөнгө авч, өмгөөлж буй хүн нь шоронд орох нь хамаагүй гэх мэт зүйлс яригдаж байна. Энэ асуудал дээр зохицуулалт хийгдсэн үү?

-Энэ асуудлыг шийддэг зүйл нь өмгөөлөгчийн ёс зүй, хариуцлагын асуудал. Сүүлийн үед өмгөөлөгчдийн мэдлэг, ур чадвар, хариуцлагатай холбоотой олон янзын санал шүүмжлэл гомдлууд гарах болсон. Энэ нь нэг талдаа хуулийн боловсронгуй бус зохицуулалт, эрх зүйн хийдэлтэй холбоотой гэж үзэж байгаа. 2002 онд батлагдсан Өмгөөллийн тухай хуулийг 2013 оны дөрөвдүгээр сарын 15-нд хүчингүй болгосон. Үүнийг дагаад өмгөөлөгчийн өөрөө удирдах ёсны байгууллагын удирдлагын тогтолцоо зарчим алдагдсан, өмгөөлөгчдийн мэдлэг, ур чадвар, ёс зүй хариуцлагын асуудал суларсан. Тухайн үеийн хууль тогтоомжоор өмгөөлөгчийн сонгон шалгаруулалтад ороод тэнцдэггүй байсан маш олон хуульчид ямар ч шалгуур, цензургүйгээр өмгөөлөгч болсон. Үүнтэй холбоотой ашиг сонирхлын, мэдлэг ур чадварын, ёс зүй, хариуцлагын зөрчилтэй байдлаас үүдэн иргэдийг хохироох үйлдлүүд ихээр гарах болсон.

-Үүнийг хэрхэн залруулах вэ?

-Хуулиа боловсронгуй болгох өмгөөлөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй. Одоогийн үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд Улсын дээд шүүхэд бүртгүүлээд өмгөөлөгч болдог болсон. Гэтэл тэр дунд ёс зүй, хариуцлага, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж болохгүй ажил албан тушаал эрхэлж байгаа эсэх гээд олон асуудал ямар ч хяналтгүй болсон. Улсын дээд шүүх хуулиараа саяны яригдсан асуудалд хяналт тавих, шалгалт хийх чиг үүрэг байхгүй, зөвхөн бүртгэл хийх чиг үүрэг л өгөгдчихсөн. Энэ дунд хийдэгдэл гарч зарим талаараа эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдчихсан, шийтгэгдчихсэн хүмүүс өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин бий болчихсон байгаатай холбоотой.

-Өмгөөлөгчдөд ямар асуудал тулгамдаж байна вэ?

– Өмгөөлөгчид мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад хууль, хэрэглээний асуудал дээр асар их хүндрэл, бэрхшээлтэй асуудлууд байна. Өнгөрсөн оны долдугаар сарын 1-ээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн хүрээнд эрүүгийн багц хуулиуд буюу Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Зөрчил хянан шийдвэрлэх хуулиуд хэрэгжиж эхэлсэн. Шинэ хуулиар өмгөөлөгчийн эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчин зохих хэмжээнд дээшилсэн. Гэхдээ хуулийг хэрэглэх явцад гарч байгаа алдаа нь эрх зүйн шинэчлэлт, өөрчлөлт, үр дүнг харлуулах байдалтай байна.

-Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байна? Хөндлөнгөөс хэрхэн ажиглаж байна вэ?

-Эдгээр хүмүүсийг цагдан хорихтой холбоотой асуудлыг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг маш ноцтойгоор зөрчин шийдвэрлэж байна гэж хөндлөнгөөс харж байна. Би энэ хэргүүд дээр ажиллаагүй. Гэхдээ шүүх тэдгээр хүмүүст цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах асуудлууд нь илт хууль бус байдлаар шийдвэрлэгдэж байна гэж үзэхээр байгаа. Шинээр хэрэгжиж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхдээ хуульч (шүүгч, прокурор, өмгөөлөгч)-д өөрсдөө алдаа их гаргаж байна гэж харагдаж байна.

-Тухайлбал?

-Шинэ хуулиар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг маш тодорхой заасан. Үүнд: оргон зайлахыг завдсан эсхүл оргон зайлсан, хэргийн оролцогчдыг дарамталсан, сүрдүүлсэн, өөрийн болон хэргийн бусад оролцогчдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэх талаар үндэслэл бүхий, баримт мэдээлэл бий, урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эсхүл шүүх, прокурорыг дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн үндэслэлүүд хамаарахаар хуульчлагдсан. Гэтэл тэдгээр хүмүүс өөрсдөө АТГ-т хүрэлцэн очсон, зарим нь бүр гадаад улсаас хүрэлцэн ирсэн гэдэг. Мөн тэднийг дахин гэмт хэрэг үйлдэх хүмүүс мөн үү, биш үү гэдгийг нийгэм бүхэлдээ мэдэж байгаа. Тэгэхээр хуульд заасан үндэслэлийг зориудаар мушгин гуйвуулж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч байна. Цагдан хорих гэдэг бол таслан сэргийлэх арга хэмжээний хамгийн хүнд төрөл. Учир нь энэ арга хэмжээний хүрээнд хүнийг нийгмээс тусгаарладгаараа хүний эрхийн маш хүнд хэлбэрийн хязгаарлалт болдог. Иймээс энэ төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг хуульд нийцүүлж зөв хэрэглэхгүй бол энэ нь эрүүдэн шүүх арга хэрэгсэл болж хувирдаг. Би хуульч, өмгөөлөгч хүний хувьд эдгээр хүмүүст цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа зорилго нь тэр чиглэл рүүгээ хазайгаад байна уу даа гэж эмзэглэж байгаа. Учир нь сүүлд С.Баяр, С.Баярцогт нарт авагдсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийнх нь захирамж гараад уг захирамж бичгээр үйлдэгдэж гараагүй, албан ёсны болоогүй байхад байхад нь прокурор гомдол гаргасныг тухайн шүүхийн ерөнхий шүүгч шийдвэрлэсэн гэдгийг сонсоод үнэхээр шоконд орсон. Шүүгч цагдан хорих хугацааг сунгах саналыг яагаад хүлээн авахгүй гэж үзсэн үндэслэл, ямар нотлох баримтыг үндэслэж, ямар хууль зүйл, заалт хэрэглэж асуудлыг шийдвэрлэснээ бичгээр гаргаж байгаа шийдвэрт л тодорхой тусгаж өгдөг. Гэтэл шийдвэр гараагүй байхад тэр шүүгчийн захирамжид гаргаж байгаа гомдлыг тэр доор нь шийдэж байгаа үзэгдэл нь “шүүх хэнээс ч хараат бус байх байр суурин дээр байж чадаж байна уу?” гэдэгт асар том эргэлзээг төрүүлээд байна.

-Тэгэхээр хуулийн шийдвэрийг хууль бус гэж үзэж болох уу?

-Мэдээж ийм шийдвэрийг хууль ёсны гэж хэлж болохгүй шүү дээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэдэг хүний эрхийг хөндөх, халдах эрхийг шүүгч, прокурор, мөрдөгчид олгож байгаа эрх зүйн баримт бичиг гэж үзэж болно. Энэ эрхээ зөв эдэлж байна уу гэдгээс хамаараад эрх бүхий албан тушаалтнуудыг хүний эрхийн зөрчил үү, гаргаж байгаа шийдвэр нь хуульд нийцэж байна уу гэдэг асуудалд хариулт өгөх үндэслэл болно гэж үздэг.

-Энэ хуралд ирсэн Гадаадын илтгэгчдийн илтгэлүүдэд Монголын хууль эрх зүйд нийцэх нутагших боломжтой санаа оноо байна уу?

-Хүний эрхийг хамгаалах ажил мэргэжил дэлхийн улс оронд адилхан агуулга, хэмжээнд тавигддаг. Үүнийг 1990 онд НҮБ-аас баталж гаргасан өмгөөлөгчийн үүргийн талаарх зарчмаар зохицуулдаг. Дэлхийн улс орнууд өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой хуулиа боловсруулах зарчмыг үндэслэн нийцүүлж хуулиа боловсруулдаг. Өнөөдрийн илтгэгч нарын гаргаж байгаа үндэслэлүүдийг зарчимд нь нийцүүлээд аваад хэрэглэх олон сайн туршлагууд байна. Бид энэ олон улсын бага хурлаас гарсан хэлэлцүүлсэн илтгэлүүдээ ном товхимол болгож гаргана. Гэхдээ энэ ном товхимлоос судалгааны сургалтын өшөө хууль тогтоомжийн хэрэглэхдээ авч ашиглах олон санаа гарна. Ашиглаж болох зохицуулалтуудыг манай хуулийн төсөлд орох байх гэж бодож байна.

-Жишээ нь?

-Өмгөөлөгчдийн байгууллагын зохион байгуулалтын асуудлууд байна. Өнөөдрийн илтгэлд оролцож байгаа хүмүүс бүгд өмгөөлөгчдийн өөрөө удирдах байгууллагын гишүүд нь зөвхөн өмгөөлөгч байна гэдэг зүйлийг ярьж байна лээ. Харин манайд өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны гэдэг байгууллага байхгүй болчихсон. Оронд нь шүүгч прокурор бусад өмгөөлөгч гэсэн гишүүнчлэлтэй хуульчдын холбоо гэдэг байгууллага бие болгочихсон нь НҮБ-ын зарчим болоод дэлхийн бусад орнуудын жишигт нийцэхгүй бүтэц зохион байгуулалтыг бие болгочихсон байна гэж үзэж байна.


Categories
мэдээ нийгэм

Бурхан багшийн их дүйчэн өдөр “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор болно

Зуны тэргүүн сарын 15-нд Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 37 нас сүүдэртэйдээ төгс гэгээрч Бурхны хутгийг олсон, мөнхүү 81 сүүдэртэй гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн хэмээх өдрүүд тохиодог. Энэхүү бэлгэ дэмбэрэлтэй өдөр энэ сарын 29-нд тохиож байна. Тус өдрийг Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд, бурхны шашны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, төвүүд хамтран “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриа дор тэмдэглэх аж.

Энэ талаар Гандантэгчинлэн хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Монголчууд их дүйчин өдрийг 28 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15-ны тэргэл сартай өдөр нь бүх Бурхны шашинтнуудын хувьд хамгийн чухал, хүндэтгэлтэй өдөр. 1997-1998 оны үед НҮБ-ийн ассамблейгаас гаргасан тогтоол шийдвэрийн дагуу бүхий л гишүүн улс орнуудад өөрсдийн ёс уламжлалын дагуу Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан байдаг. Бурхан багш 2500 жилийн тэртээ сургааль номлолоо айлдаж хүнлэг энэрэнгүй байх, хүн хүнээ хүндэтгэх мөн цаашлаад ёс суртахууны талаар айлдсан сургаал номлолууд нь хүн төрөлхтний оюун санааны төлөө хийсэн их үйл хэрэг юм. НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга их Дүйчэн өдөрт зориулсан илгээлтийг бурханы шашинтнуудад жил бүр зориулдаг нь энэхүү баярын үнэ цэнэ, утга учрыг тодоор харуулж байна” гэлээ.
Бурхан шашны их дүйчэн өдрийн хүрээнд энэ сарын 27-нд төв зам дагуу Гандантэгчинлэн хийдээс Сүхбаатарын талбай хүртэл “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриатай 5080 хүний хүндэтгэлийн парад болох аж. Мөн Сүхбаатарын талбайд Бясалгал флаш моб, урлагийн тоглолт, лекц баярын арга хэмжээ болно гэв. Харин 29-ний өдөр Гандантэгчинлэн хийдэд Бурхан багшийн ринсэл залах болон шашин, соёлын арга хэмжээ болно гэж зохион байгуулагчид хэлсэн юм.

ИХ ДҮЙЧИН ӨДРИЙН ХАНДИВЫН АЯН ЗАРЛАГДСАН

Монголын Сүсэгтний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Баярсайхан “Бурхан багшийн их дүйчэн өдөр төрийн бус байгууллагууд олон нийтэд Бурхны сургаал номлолын талаар сурталчилж таниулах өргөн хүрээг хамарсан жагсаал зохион байгуулах, бүтээн байгуулалт, цэцэрлэгжүүлэлт, хүмүүнлэгийн зэрэг олон арга хэмжээг хийхээр төлөвлөсөн. Энэ арга хэмжээний хүрээнд бурхан шашны чиглэлээр ажилладаг 18 байгууллага оролцож байгаа. Үүний зэрэгцээ нийслэл Улаанбаатар хот, 21 аймагт үйл ажиллагаагаа явуулдаг буддын шашны сүм хийдүүд баярын арга хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар идэвхийлэн оролцож байгаа. Бид “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор нийгмийн бүх давхарга, байгууллага хамт олныг уриалан оролцож байна. Их дүйчин өдрийн хандивын аян зарлагдсан. Энэ хандивт төрийн болон төрийн бус, бизнес, олон нийтийн байгууллагууд сүсэгтэн олон түмнийг нэгдэж буянаа хураахыг уриалж байна” гэв.
Мөн тэрээр “Залуучууд хорт зуршилд автах байдал газар авсан. Гандантэгчинлэн хийд, буддын сүм хийдүүд цаашлаад бурхан шашны үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас хар тамхи, мансууруулах бодисыг нийгмийн бүх давхаргад анхаарах цаг болжээ гэдгийг уриалж байна. Ялангуяа архи, тамхины хор уршгийг залуучуудад ойлгуулж, сэхээрүүлэх ажлыг Гандантэгчинлэн хийдээс эхэлсэн. Бусад төрийн болон төрийн бус байгууллагууд иргэд хамтран оролцоосой гэдгийг уриалж байна” гэлээ.
Энэ үеэр “IBS” менежер Ц.Буянхишиг “Бурхан багшийн их дүйчэн өдрийн гол үйл ажиллагаа бол хүндэтгэлийн парад, бясалгалын флаш моб байдаг. Энэ жил 10 мянган хүний флаш мобыг Сүхбаатарын талбайд хийхээр төлөвлөн ажиллаж байна. Бидний уриа бол “Ёс суртахуунаа эрхэмлэе”. Монголчууд эрт дээр үеэс ёс суртахуунтай байсан. Нэг нэгнээ хайрлаж энэрдэг байсан. Өнөө цагт Монгол хүний эрхэм чанарууд алдагдаж байна. Тэр эрхэм чанаруудаа буцаан сэргээж хойч үедээ өвлүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Хүндэтгэлийн жагсаалыг бид бүх нийтийн баяр болгож тэмдэглэхээр төлөвлөж байна” гэсэн юм.
Б.АМАРТҮВШИН