Categories
мэдээ цаг-үе

М.Билэгт: Ярьсан зүйлсээр минь эвлүүлэг хийн сошиалд тавьж байна

УИХ-ын гишүүн М.Билэгттэй ярилцлаа.


-1990-ээд оны үед таныг ганзагын наймаа хийж байсан гэдэг. Тэр тухайгаа ярихгүй юу?

-Би нийгэм зах зээлд шилжих үеэр ганзагын наймаа хийж эхэлсэн л дээ. Наймаа хийж байгаа болохоор Орос, Хятад руу явна. Хань маань Политехникийн дээдийг төгсөөд бас л ганзагын наймаанд явж эхэлсэн. Хоёулаа овоо жаахан мөнгөтэй болж аваад эхлээд Оросоос дараа нь Германаас шоколад чингэлгээр оруулдаг болсон. Манай нөхрийг Б.Мөнхжаргал гэдэг юм. Нөхөр маань ихэвчлэн урагшаа, би хойшоо явдаг байлаа. Суудлын вагонд толхиулж, гаальчинд нэгжүүлж, норж хөлдөж л явсан даа. Ингэж л хэдэн төгрөг цуглуулсан. Гуравдугаар хороололд газар авах гэж гутлынхаа улыг элээж явснаа одоог хүртэл тод санаж байна. Орос, хятадын наймаачид манайхаас хавьгүй илүү тохилог дэлгүүрт худалдаа наймаагаа хийдэг байсан. Манайхан ар талдаа цагаан ч юмуу, ямар нэг үрчгэр даавуу өлгөчихсөн, тэрний наад талаар нь торон сээтэг татчихсан, тэгээд гинжнээс өлгүүр өлгөчихсөн байдаг байлаа. “Ачлал” их дэлгүүрээ бариад энэ хүмүүсийн нэг хэсгийг нь ч гэсэн оруулчих юмсан гэж бодож зорьсон. Гэтэл дэлгүүрийн барилга барья гэхээр барьцаанд тавих хөрөнгө нь ч хаана байх вэ дээ. Банкнаас зээл авах боломж нь ч байсангүй. Тэгээд найз нөхдөөсөө тусламж эрсэн. Энэнээс зээлээд, тэрний төлөх хугацаа болчихсон бол энэнээс аваад өгөх ч юм уу. Ингэж л итгэл дааж хооронд нь сэлгүүлж чадсаны хүчинд дэлгүүрээ барьсан.

-Яаж хөрөнгө оруулалтаа шийдсэн юм бэ?

-Дэлгүүр барихад дотоод тоног төхөөрөмжөөс өгсүүлэн асар их зардал гардаг. Би телевизэд гадны жишиг бүхий их дэлгүүр хоёр сарын дараа ашиглалтад оруулна, захиалгаа өгөөрэй гэх зарлал явуулсан. Тэгтэл маргаашаас нь эхлээд манай хүүхнүүд оочерлож, захиалгаа өгч эхэлсэн. Хүүхнүүд пасктай, тэгээд 200 мянга, 300 мянга тэр байтугай сая төгрөг паскнаасаа гаргаж урьдчилгаа төлбөрөө төлж билээ. Яагаад ч юм надад итгэсэн хэрэг биз. Тэгээд цуглуулсан мөнгөө аваад өвгөнтэйгөө дэлгүүрийн тоног төхөөрөмж худалдаж авахаар Бээжин явлаа. Тэнд очтол нөгөө арлан тавиур гээч юм нь олддоггүй. Телевизээр гаргасан юм чинь яг л түүнийг олж аваачих ёстой, олны итгэлийг алдаж болохгүй гээд тэр үедээ сандарч билээ. Тэгсэн тэнд яг тийм арлан тавиур хийдэг үйлдвэр байгуулагдсан байсан. Тэгээд тэндээсээ худалдан авалт хийгээд дэлгүүрээ нээж байлаа.

-Та “Ачлал” дэлгүүрээ группийн хэмжээнд хүрэхүйц сайн явна гэж бодсон уу?

-Өнөөдрийн энэ хэмжээнд хүрнэ гэж төсөөлөө ч үгүй, мөрөөдөөчгүй, бодоо ч үгүй явсан. “Ачлал” маань арав гаруй жилийн дотор санхүүгийн чадавх бүхий бизнесийн групп компани болсон байна. Худалдаа, үйлчилгээ, барилга угсралт, үл хөдлөх хөрөнгө, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг охин компаниудтай.

-Гэр бүлийнхээ талаар ярихгүй юу?

-Нөхөр бид хоёр техникумд нэг ангид орж таарсан. Улмаар гэр бүл болсон доо. Хоёулаа геодезийн мэргэжилтэй. Эрийн хийморь гэрийн хоймор гэж байдаг болохоор нөхөр маань түрүүлж дээд сургууль төгссөн байх ёстой шүү дээ. Тиймээс нөхрөө эхлээд дээд сургуульд оруулчихсан юм. Нэлээн хойно би Удирдлагын академийг төгссөн. Бас улс төрийн дээд боловсрол олж авсан. Зах зээл дөнгөж эхлэнгүүт миний хамаг амь зуулгыг залгуулж байсан залуучуудын эвлэлийн байгууллага маань татан буугдахад хүрч би ажилгүй болчихсон. Одоо яах билээ гэж бодогддог юм билээ. Нөхөр маань оюутан. Тэр ороо бусгаа үеэр манай том охин сургуульд орох боллоо. Охиндоо олиг-тойхон хувцас өмсгөхийн тулд охин дүүгийнхээ өмсөж байсан юбкийг жижиг болгож өмсгөж байв. Тэгээд л бага хүүхдийнхээ өлгийний даа-вуунаас шилж цамц малгай оёж өгөөд, охиноо хөтөлж, хүүгээ тэврээд сургууль руу нь явдаг байсан. Гачигдаж дутагдах бэрхшээлийг давж гарах гэж дутуу хоолтой, хагас нойртой чарайтал зүтгэж явсан даа.

-Таныг Хавдрын эмнэлэг барихаар өөрийн үл хөдлөх хөрөнгийг бүгдийг нь барьцаалсан гэх мэдээлэл бий. Энэ тухай?

-Зах зээлд шилжсэнээс хойш хувиараа хөдөлмөр эрхлэхээс өгсүүлэн бүх шатыг дамжиж яваад хуримтлал бий болгосон. Тэгээд энэ мөнгөөрөө Монголын хамгийн уналтад орсон эрүүл мэндийн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлье гэж бодсон. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд банкны зээлд бүх хөрөнгөө барьцаанд тавьсан. Энэ төслийг 2010 онд санаачилсан л даа. Монголд өндөр хөгжилтэй орны стандартыг хангасан эмнэлгийн барилга хэрэгтэй юм байна гэдгийг судалгааныхаа явцад мэдсэн. Иргэд гадаад руу олноороо эмчилгээ, оношлогоо хийлгэхээр явдаг шүү дээ. Тэр замын зардал, дагуулж яваа хүнийхээ зардлаар Монголдоо өндөр хөгжилтэй орны оношлогоонд хамрагддаг болох нөхцөлийг бүрдүүлэх нь эхний зорилго байсан. Өндөр хөгжилтэй орны оношлогоо, эмчилгээний багийг Монголд оруулж ирэхэд хамгийн гол нь стандарт хангасан эмнэлгийн барилга барих шаардлагатай байлаа. Яаж барих вэ гэдэг хамгийн гол сорилт байсан. Япончуудаар Тэзү-гээ хийлгэх шаардлагатай болсон. Тэгэхээр одоо Япон улсын стандартыг хангасан эмнэлгийн барилга ашиглалтад орох гэж байна гэсэн үг. Манай улсад стандарт хангасан эмнэлгийн барилга одоогоор байхгүй. Гэхдээ хэд хэдэн стандарт хангасан эмнэлэг манай улсад баригдаж байгаа. Сонгинохайрхан дүү-рэгт гэхэд Австрийн “Ламит” компани төслийг нь хэрэгжүүлж байгаа Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр эмнэлэг баригдаж байна.

-Та улс төрд яагаад орох болов?

-Би 1981 оноос 1992 он хүртэл 11 жил олон нийтийн байгууллагын ажил хийж байсан. Залуучуудын байгууллагын дарга хийсэн. Сонгууль бүрт энэ намаас Баянхонгорт нэр дэвшсэн гайгүй шиг хүнийг өөрийнхөө чадлын хэрээр дэмжиж, сонгууль бүрээр л дагаж явдаг байлаа. Би өөрөө зардлаа гаргана, дээрээс нь хандив өгнө. Гэтэл нөгөө нэр дэвшигчид их хурлын гишүүн болчихсон хойноо иргэдийн өмнө амлаж байсан амлалтаа биелүүлдэггүй юм билээ. Зүгээр л танихгүй хүн болчихдог. Тэгээд би эд нарыг дэмжиж байхаар өөрөө иргэдийнхээ дуу хоолой болж яагаад болохгүй гэж хэмээн бодсон. Улмаар 2008 оноос хойш сунгаанд оролцоод эхэлсэн.

-Таны хэлсэн ярьсныг цахим орчинд хүмүүс их шүүмжлэх юм. Танд өөрийгөө буруу илэрхийлээд байдаг сул тал харагддаг. Үнэхээр тийм муу ярьдаг юм уу?

-Өөлье гэвэл ямар ч хүнээс өө гарна. Ярьсан зарим зүйлийг минь урдаас, дундаас, хойноос нь хасаад тавьчихаж байна. Дууг нь хурдан, удаан болгож янз бүрээр тавьж байгаа. Миний өөрийн хаягаар бүтнээр нь тавьж байгаатай харьцуулаад үзвэл ойлгоно.

Би хүмүүсийг хэр их хөдөлмөрлөж байна, хэр их зөв сэтгэлтэй юм гэдгээр нь үнэлдэг. Нийгэмд ийм л үзэл бүрдүүлэхийг хичээж явдаг. Энэ эмх замбараагүй болсон нийгмийг буцаагаад залуучууддаа зөв болгож үлдээхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг боддог. Мөн “Шударга байна гээд яг юу өөрчлөгдөх юм бэ” гэсэн бичлэг явж байна. “Одоогийн манай залуус нийгэмд шударга байлаа гээд юу өөрчлөгдөх юм. Тэглээ гээд амжилтад хүрэх боломжгүй болчихоод байна гэдэг сэтгэхүйтэй болчихоод байна. Тийм учраас үүнийг өөрчилмөөр байна” гэсэн утгатай үг хэлснийг яг тэр хэсгийг нь таслаад тавьчихсан байна лээ. Өнгөрсөн зун хүртэл намайг данхан дээр фото зургаа тавиулаад тараалаа гээд л баахан явуулсан шүү дээ. Тухайн үед тараасан данх биш. Хавар цагаан сараар ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлгэнд данх өгсөн юм. Тэр данхнууд дээр миний зураг байгаагүй.

-Таныг тендер авсан гэх бичлэг нийгмийн сүлжээнд цацагдлаа. Энэ тухай?

-Засгийн газрын хурал-даанаар Монгол Улсын сайн малчдын нэрсийг баталсныг санаж байгаа байх. Тус хуралдааны дараа Баянхонгор аймгаас аймгийн Засаг дарга над руу яриад “М.Билэгт гишүүн ээ Засгийн газрын хуралдаанаар батлагдсанаас өөрөөр буюу яамны шалгаруулснаар зарлах гэж байна” гэсэн. Энэ нь эхний байрт орсон хүмүүс биш, оноогоороо хойгуур орсон хүмүүсийн нэрсийг зарлах гэж байна гэсэн үг. Тэгээд л би учрыг нь олох гэж явсан л даа. Энэ талаар асуухад “Тэр нэгдүгээрт орсон нь хамаагүй. Бид энд программд оруулахаар үзүүлэлт нь хасагдчихдаг юм” гэж хэлсэн. Тэгээд л маргалдсан. Дараа нь энэ асуудлаар Г.Занданшатар сайдтай уулзаад буцаад ороод ирэхэд, тэр бичлэгийг хийсэн юм байна лээ. Өмнө нь өөрөө баахан хашгичиж хүнийг бухимдалтай болгочихоод буцаад ороод ирэхээр өмнөөс бичлэг хийгээд, өөрөө зүгээр ярьж, хүний нэр хүндийг гутаах зорилгоор олон нийтийн сүлжээнд тавьсан хэрэг болсон. Бичлэг хийж байгааг би мэдээгүй. Дэд сайд Ж.Сауле өөдөөс хараад сууж байсан. Утсаа барьчихсан л суугаад байсан. үүнийг дүгнээд үзэхэд хэн нэгнийг гутаан доромжлох зорилгоор төрийн албаны өндөр албан тушаалтнууд бичлэг хийж дарамталдаг юм байна гэж ойлгосон. Надтай холбоотой ганц ч тендер байхгүй. Би өчнөөн бизнес эрхэлж байсан. Ганц ч удаа төрийн тендерт оролцож үзээгүй.

-Та энэ бичлэгүүдийг зохион байгуулалттай хийж байгаа гэж үзэж байна уу?

-Тийм. Тэгж их хөдөлмөр зарж хийж, тавьж байгаа юм тэгж л харагдана. Магадгүй 2020 онд манай тойрог дээр миний оронд дэвшинэ гэж бодож буй хүмүүс, надтай өрсөлдөхөөр бэлдэж буй хүмүүс тавьсан байж болно. Мөн алтны асуудалтай холбоотой байж магадгүй. Би энэ асуудлын талаар нэлээн дуугарч байгаа. Алттай холбоотой бүхэл бүтэн мафи улстөрчдийг гартаа авч байгаад Ашигт малтмалын татварыг буулгах гэж оролддог. Гэтэл би эсрэг байр суурь илэрхийлдэг.


Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Улсаа бодоод МАНАН-тай тэмцье гэвэл С.Жавхлан бид хоёрын нэг нь Их хурлын дарга болох ёстой юм билээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Чуулганы Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг баталлаа. Ер нь нэг хүнд зориулж хууль батлах нь хэр зөв бэ. Хуулийг сулруулсан үйлдэл болох биш үү?

-Анх АТГ-ын даргыг сольё гэдгээс л ширүүн юм эхэлсэн л дээ. Ардын намын зүгээс М.Энхболд даргыг огцруулах асуудлыг ярьж эхэлсэн. Тэдний зүгээс Бага хурал, удирдах зөвлөлийн шийдвэрээ гаргасан. УИХ-ын дарга чөлөөлөгдөх таван үндэслэл байдаг. Нэг нь сайн дураараа чөлөөлөгдөх. Үлдсэн дөрөв нь ямар нэг шалтгаан өгсөн байх ёстой. Гэтэл чөлөөлөгдөх ёстой хүн нь өөрөө чөлөөлөгдөөгүй. Улмаар 38-аас дээш гишүүн УИХ-ын даргаа хүлээн зөвшөөрөхгүй бол дарга байх ёсгүй гэх асуудал тавьсан. Зөвшөөрөхгүй байгаа гэдэг нь хангалттай биш. Тиймээс тогтоол бичихдээ шалтгаан бичих ёстой. Тэндээ бидэнд таалагдахгүй байна гэж бичих юм уу, хууль зөрчсөн гэх юм уу. Үндсэн хуульд гагцхүү хуулинд үндэслэж огцруулна гэж байгаа шүү дээ. Тийм учраас та нар хуулиа бичээч ээ гэдэг асуудал тавьсан. Ерөнхийлөгч хуулийг бичсэн нь л энэ. Тэгээд Ардын намынхан баталж байна. М.Энхболд байна уу, У.Хүрэлсүх байна уу хамаагүй. Хууль ямар байх ёстой вэ гэдгийг ярих цаг болжээ. Үндсэн хууль гэж бий. Салбарын хууль гэж байна. Хуулийн дор улс төр хийх ёстой болохоос, хуулийн дээр улс төр байна гэх ойлголт байх ёсгүй. Хуульд нийцсэн л улс төр хийх ёстой. Тэгж байж бид нийгэмд зөв жишиг тогтооно.

-Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийн утга агуулгыг хуульч хүнийхээ хувьд та хэрхэн харж байна вэ?

-Их л тааруухан хууль орж ирсэн. Захын бакалавр цолтой хуульч нар хэлээд өгчихнө. Энэ хуулийг батлахаас өөр гарц байгаагүй учраас баталлаа гэж хараад байна.

-Уг хуулийг чуулганы танхимд хэлэлцэж байх үед Ж.Батзандан гишүүн “Хувьсгалын үед хуулиар яах юм бэ” гэсэн. Үүнийг та юу гэж дүгнэж байна вэ?

-Хувьсгал 90 онд дууссан. Дэглэмийг өөрчлөх гэж хувьсгал хийдэг юм. Одоо бид хувьсгал хийнэ гэвэл өөр дэглэм рүү орохоос өөр арга байхгүй шүү дээ. Тоталитар юм уу, фашист юм уу. Миний хувьд ардчиллаас өөр дэглэм байхгүй. Ардчиллыг хэтрүүлбэл анархизм болно. Бид одоо хувьсгал биш, хувьсгалт өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлт, хууль тогтоох байгууллагыг боловсронгуй болгох, хулгай зэлгий хийсэн этгээдүүдийг багаас нь их рүү, ихээс нь бага руу гэж ялгахгүйгээр бүгдэд нь хариуцлага үүрүүлэх ёстой болж байна. Үүнийг хийх гэж байгаа бол гагцхүү хуульд нийцсэн байх ёстой.

-УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулснаар өөрчлөлтийг авчирч чадах уу?

-Сайн мэдэхгүй байна. МАН-ын 65 гишүүн хүнээ тавина шүү дээ. Магадгүй парламент тарах нь зөв байх. Улсаа бодоод МАНАН-тай тэмцье гэвэл С.Жавхлан бид хоёрын нэг нь их хурлын дарга болох ёстой юм билээ. Яагаад гэвэл Ардчилсан нам, Ардын нам хуваагдчихсан байгаа. Хэн нь ч гарсан бай нөгөө тал нь төрийн эрх мэдлийг барьцаалаад өшөө авалт гэдэг ч юм уу, бойкотлоод ажил хийхгүй. Харин би аль нэг талд нь орж, барьцаалагдсан юм алга. Өнөөдөр парламентын спикер давуу эрхтэй биш байж болно. Тэгвэл хэн дараагийн дарга вэ гэдэг хамгийн чухал. Өнөөдөр 39 буюу түүнээс дээш гишүүнтэй нам Засгийг байгуулах эрхтэй. Харин МАН 65-уулаа байна шүү дээ. Гэхдээ хуваагдчихаад байна. Тэгэхээр тэднийг сольж, оронд нь шинэ улс төрийн хүчин гарч ирж, Засгийн газраа байгуулж байж, цааш явна. Тэрнээс нэг хүний хүссэн эрх мэдлийг нөгөө хүний хүссэн эрх мэдлээр солих биш. МАНАН бүлэг гэж бий. Олон жил боллоо, үндэслэлгүйгээр хөрөнгөжлөө гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. 2020 оны сонгуулиар бид сонголтоо зөв хийгээд, цэвэрхэн бохирдоогүй хүмүүсийн нэгдлийг авчирч байж үүнийг устгана. Тэрнээс Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин гэх хүмүүсийг дарга болговол, АТГ-ын даргыг солиод эх захгүй юм болно.

-УИХ-ыг тараах бичигт Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нарын гишүүд нар гарын үсэг зурлаа. УИХ тарах нь зөв үү?

-Сөрөг хүчний хүсэлтэд эрх баригч нар гарын үсэг зурж байна. Би зурсан ч, зурахгүй байсан ч чанарын ялгаагүй. Яагаад гэвэл эцсийн шийдвэрийг ард түмэн МАН-ын 65 гишүүнд өгсөн. Тиймээс тэд хэд хэдэн ажлыг хийх хэрэгтэй байна. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлт, Таван толгой, Оюу толгойг хөдөлгөх, гэмт хэрэг хийсэн хүмүүстээ хариуцлага тооцох гэх мэт. Чадахгүй бол та нар зайгаа тавиад өг. У.Хүрэлсүх өнөөдөр мэдэгдэл гаргаад, МАН бага хурал, удирдах зөвлөлөө хуралдуулж, УИХ-ыг тараах шийдвэр гаргаж тогтоолын төсөл оруулж ирвэл би гарын үсэг зурж болно. Тэрнээс доор байгаа бичигт гарын үсэг зурсан 11 гишүүн дээр нэмээд би зурахаар ард түмнийг хуурсан үйлдэл болно. Яагаад гэвэл шийдвэр гаргах эрх нөгөө хэдэд бий.

-УИХ 40 гаруй хоног тасалдлаа. Ирэх сарын 5-нд завсарлана. Хэлэлцэх асуудал зөндөө үлдсэн. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Хуультай юм чинь хуулиа дагахаас өөр арга байхгүй. Дараа нь ээлжит бус хуралдаан зарлаж болно. Хэний буруугаас болж ийм нөхцөл үүсэв гэдэг асуудлын гол нь. Өнөөдөр шийдэх ёстой маш олон хууль дүрмүүд байна. Утааг, өр зээлээ хар. Өнөөдөр орд газруудын тухай ярьж байна. Орд газруудыг хурааж авах нь гоё уу, орд газруудыг хурааж аваад яаж нийгмийн баялаг болгох тухай хуулийг батлах нь зөв үү. Хуулиа баталчихаад орд газруудаа ав л даа. Хуулиа батлаагүй байж өөрсдийгөө улам өрөнд оруулах юм. Нөгөөдүүл нь бас тэнэг хүмүүс биш. Олон улсын шүүхээр явна. Монголоо албаар өрөнд хийх сонирхол эд нарт байна. Геополитик талаас нь хараад үзье. Хойд Солонгос өнөөдөр цөмийн хог хаягдлаа хаана булах вэ. Орос, Хятад хоёр нийлээд Монголд булъя гэсэн НҮБ-ын тогтоол гарвал яана. Энэ талаар судалгаа хүртэл явж байна шүү дээ. Өнөөдөр бид нэг зам нэг бүс гэж ярьж байна. Их л гоё юм шиг. Гэтэл бидэнд олон улсын стандартад хийчихсэн юм алга. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад орох ёстой гэж Засгийн газар, гадаад хэргийн сайд, Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд нь хүртэл ярьж байна. Тэнд орсноор Европын холбоо шиг хил хязгааргүй болъё гэх тогтоол гарвал яах вэ. Төрд ажиллаж байгаа бол юмыг олон талаас нь харах хэрэгтэй. Яагаад гэвэл Монгол Улсыг тусгаар тогтносон, бүрэн эрхт, бүгд найрамдах байлгахын төлөө бид тэмцэх үүрэгтэй хүмүүс.

Өдгөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр нэг нь эсрэг, нөгөө хоёр нь нэг тал болчихсон байна. Одоо хүн солигдвол гурвуулаа нэг тал болно. Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр юу батлагдах нь төрийн нууц. Бид нар мэдэхгүй. Тэгэхээр бүх юмыг сайн бодох хэрэгтэй. Сөрөг хүчнээс дараагийн УИХ-ын даргыг тавих нь зөв. Тэгэхгүй бол дэндүү үнэмлэхүй байна.

-Ашигт малтмалын татварын тухай хууль дуншсаар байна…

-Байгалийн баялгийг ард түмэнд өгөх ёстой. Тухайлбал, Засгийн газарт алтны татварыг 2.5 хувь болгооч ээ гэж бичиг өгсөн. Тэгвэл яаж байгалийн баялгаа ард түмэнд өгөх юм бэ. Чуулганаар хэлэлцсэн бол би хэлэх гэж байсан юм. Түр хойшлууллаа. Ард түмнийг унтуулж мартуулж байгаад татварыг буулгах байх. Газрын доор баялаг бий. Мөнгө төлж байж тэр баялгийг гаргана. Зардал гаргаад цаана нь ашиг үлдэнэ. Баялгийг гаргаж байгаа зардал ямар ч өртөггүй. Тэгвэл ашгийн чинь 70-80 хувийг ард түмэндээ өгье. Хуулиа эхлээд батал. Баталсныхаа дараа хүссэн ордоо нийгэмчил. Монгол Улсыг Украины араас оруулах сонирхол Сорсын хэдэн гөлөгнүүдэд байгаа шүү. Дэлхий нийт Соросоос айж байна. Сорсыг Орос хуулиар хориглосон. Манайхан Унгар руу баахан хүүхдүүдээ сургаа биз дээ. Энэ нөхдүүд чинь Либерал гэдэг нэртэй хүчгүй төр үүсгэх сонирхол бий болгосон. Явсаар байгаад өнөөдөр энэ тал руугаа орж байна.

-ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шалгах түр хороо байгуулъя гэсэн ч УИХ дэмжсэнгүй. ЖДҮ-тэй холбоотойгоор 23 гишүүнийг эргүүлэн татах тухай яригдаад байгаа. Энэ тухайд?

-23 гишүүний эрхийг эргүүлэн татах юм бол парламент тарна. Тэгэхээр зайлшгүй түр хороо гарч ирж дүгнэлт өгөхгүй бол болохгүй. Энэ дүгнэлтээр албан тушаалын байдлаа ашигласан юм уу, иргэдэд өгөх мөнгө мөн үү гэдгийг шийднэ. Бид зээлийн тухай биш, гэмт хэргийн тухай ярьж байна. Хуулийн байгууллага парламентыг тарчих вий гэж айх ёсгүй. Тарах уу, үгүй юу гэдэг парламентын асуудал. Шалгах нь хуулийн байгууллагынх. Хуулийн байгууллага нь ороод ирэхээр парламентыг тараах гэсэн төрийн эсрэг гэмт хэрэгтэн юм шиг сурталчилж болохгүй. Гэмт хэрэг хийхээ л больчих. Хуулийн байгууллага өнөөдөр миний талаар ийм зүйл ярьсан бол би эрхээсээ түдгэлзлээ. Цэвэр, шударга гэдгээ нотлоод орж ирнэ шүү. Хуулийн байгууллага үндэслэлгүй түдгэлзүүлснээс болж гарз хохирол гарах юм бол би ял авахгүй, хуулийн байгууллага миний хохирлыг барагдуулах ёстой шүү гэж хэлээд л түдгэлзчихмээр санагдаад байгаа юм.

-М.Энхболдыг унагаснаар МАНАН арилна гэж түүнийг эсэргүүцэж буй гишүүд хэлж байгаа. Үнэхээр тийм зүйл болох уу?

-Манай улс төрд хоёр нярав байдаг юм. М.Энхболд, З.Энхболд. Нярвууд бүртгэл сайтай. Тэр бүртгэлд нь заримдаа эвгүй юм бүртгэгдчихдэг. Бүртгэлээс нь хамаараад тэр хүний өмнө бөхийж амьдардаг хүмүүс байна л даа. Сайн байна уу, дарга аа, Уучлаарай, та мундаг гээд л явдаг. Өнөөдөр нэг бүртгэлийн системээсээ салах гээд л үйлээ үзээд л явж байгаа шүү дээ. М.Энхболд гэсэн бүртгэлийн системд маш олон хүмүүс бий. Тухайлбал, чуулганаар би чамд газар өгсөн, чи тэр үед газар авч байсан гээд л ярьж байгаа биз дээ. Энэ хүн айхавтар улстөрч, удирдагч гэхээсээ илүү сайн нярав хүн. Бүртгээд л сууж байдаг. МАНАН бүлэг, Шударга бусын хонгил байгаа. МАНАН бүлэг улам сууриа бэхжүүлж, хүнээ солих гэж байна. Н.Энхбаяр гэдэг хүнийг 15 жил муулж, гүтгэн, доромжилсон. Оймстой нь бариад явсан. Зөвхөн тэр хүнд зориулж долдугаар сарын 1-ний жагсаалыг хийсэн. Зөвхөн тэр хүнийг унагах гэж таван хүнийг буудсан. Тэрээр эцэст нь унасан. МАНАН бүлэг улам бэхэжсэн. Ард түмэн цус үзэхгүй бол тайвшрахгүй гэдэг шиг нэг хүнийг явуулах хэрэгтэй болжээ.

-Шийдэл нь юу вэ?

-МАНАН бүлгийг бөөнөөр нь улс төрөөс явуулах ёстой. Тэгэхийн тулд Цүнх барьдаг паразитуудаас нь эхлэх ёстой. Тэд нарыг сүлжээгүй, харилцаа холбоогүй болгох ёстой. Ингэхийн тулд нэгдүгээрт, дахин засаглалын хуваарилалт хийх. Хоёрдугаарт, Сонгуулийн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Засаглалын дахин хуваарилалт хийхийн тулд Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Үндсэн хуулиа өөрчлөх нь гол. У.Хүрэлсүх МАНАН бүлэгтэй тэмцэхгүй байна. Тэмцэхгүй байгаа учраас Үндсэн хуулийн тухай, Улс төрийн намын тухай хууль ярихгүй байна. 40-үүлээ нийлээд хууль баталж болж байгаа юм чинь 40-үүлээ нийлээд энэ хуулиудыг оруулаад ир л дээ. Батлаад өгье л дөө. Дараагийн хүн нь МАНАН бүлгийг хурдан нураагаасай билээ. Эд нарт хугацаа алга л даа.

Н.Энхбаяр гэдэг хүн нэг голын усанд хоёр сэлэхгүй гэдгээ ойлгоод цорын ганц суудал авчирсан гишүүндээ туг, тамгаа өгөх хэрэгтэй. Бидний үеийн маш олон сайхан хүмүүс байна. Тэдэнд нэг л сул тал байгаа. Мөнгө төгрөг жаахан тааруу. Манай хүнд энд тэндээс хулгайлсан мөнгө төгрөг байвал тэрүүгээрээ санхүүжүүлээд зөв хүмүүсийг гаргаад ир. Өөрөө ил гарах биш. Тэгэхгүй өөрийгөө магтуулах сүлжээ гаргаад байдаг. Яриад байдаг хүмүүс нь дандаа хулгайч.

Хүн хэлмэгдэнэ гэдэг чинь хэцүү. 60 тэрбумтай тэмцэх хэрэгтэй. МАН-ын санхүүг шалгах хэрэгтэй. Шалгаад л тэр мөнгө өгсөн хүмүүсийг нь гаргаад тавья л даа. Тэр дотор нь М.Энхболд орсон байна уу. Тэрнээс биш байшин дотор ярьсан яриаг аймшигтай гэмт хэрэг гэж үзэх нь утгагүй. Байшин дотор байтугай утсаар намайг ална гэж сүрдүүлж байгаа хүмүүс байна, төлбөртэй. Өнөөдөр нэг нөхөр намайг ална гэж бичлэгээр сүрдүүлж байна.

-Ямар бичлэг?

-Фэйсбүүкээр ирсэн. Чамайг ална гэж хүртэл дайрсан. Надтай үзэлцэнэ гээд л байгаа.

-Юунаас болж тийм бичлэг явуулсан юм бол?

-МАНАН бүлгийн хамгаалагч гээд байгаа. Би ямар юмных нь хамгаалагч байх вэ дээ. Жинхэнэ хамгаалагч нар чинь эд нар. МАНАН бүлэгтэй эд нар тэмцэхгүй ээ. Хулгайчууд хувьсгал хийхгүй шүү дээ. Хулгайч нарынхаа тоог цөөлье гэж Баабар гуайн хэлсэн үнэн. Ажлаа өөр хүнд ч өгөхгүй өөрсдөө ч ажлаа хийхгүй хуучирсан пянзнууд хувьсгал хийх гээд байгаа нь надад таалагдахгүй байгаа. Оюу толгойн асуудал яриад байсан хаана байна. Том бүлэглэлүүд зохион байгуулалттай хооронд нь алалцуулаад байна. Хэн нэр хүнд муутай байна тэр хүндээ нэр хоч өгөөд л хэн ч биш болгож байна. Өнөөдөр У.Хүрэлсүх хувьсгал хийж, шударга ёсны сэлэм гаргахыг хүсч байгаа бол хуулиуд оруулаад ир. Хуулиудаа хараад ярья. Жүжиг л тоглоод байх юм. Эрх мэдлээ авчихсан юм чинь ажиллаад өгөөч ээ. Шударга ёсныхоо сэлмийг хоёр талд гаргаад цавчаад өгөөч. Юу саад болоод байгаа юм. Өнөөдрийн дотор өөрчлөлт хийе гэж бодож байвал хуулиудаа батал.


Categories
мэдээ цаг-үе

Спортод хорхойтой хуульчийнх

Гэрэл зургийг Г.МЯГМАРСҮРЭН

“Танайд өнжье” булангийнхаа зочноор УИХ-ын дарга М.Энхболдын улс төрийн бодлогын зөвлөх, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгийг урилаа. Академич Ж.Болдбаатарын хүү гэдгийг уншигчид андахгүй мэдэх энэ эрхэм хуульч мэргэжилтэй. Б.Гүнбилэг хуульчийнх Хүүхдийн зууд байрлах таван давхар саарал орон сууцнуудын нэгэнд аж төрдөг юм байна. Биднийг очиход гэргий нь хаалгаа тайлж өгөв. Я.Ижилмөрөн гэж өвөрмөц ховор нэртэй бүсгүй “Монел” гэдэг телевизийг Монголд анх угсарсан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, инженер Ш.Ялалтын бага охин аж. Австралийн элчин сайдын яаманд ажилладаг юм байна. Ижилмөрөн бүсгүй “Өдрийн сонин”-оос сэтгүүлчид ирнэ гээд бид хоёр та хэдийг хүлээгээд сууж байлаа. Хүүхдүүд маань сургууль амраад манай аав, ээжийнд зуслан дээр байгаа, бид хоёулаа л байна” гэсээр угтав. Тэд 83 дугаар сургуулийн нэг ангийн хоёр. Я.Ижилмөрөн 10 дугаар ангиа төгсөөд бизнесийн сургуульд суралцахаар Лондон хотыг зорьж байж. Хүүхдүүдийнх нь нэр ч их содон, утга бэлгэдэлтэй юм. Г.Тодсэцэн, Г.Сэцэн гэсэн нэрийг өвөө аав нь өгчээ. Эдний бага охин гуравдугаар сургуульд суралцдаг аж. Хичээлтэй нь ойрхон гээд энэ айл өвөөгийндөө нүүгээд ирж. Харин өвөө нь Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт нэг өдөр өнжөөд эмчилгээ хийлгэдэг тул энэ хоёр маань аавынхыгаа тус эмнэлэгтэй ойр өөрийн гэр рүү нүүлгэж, нэг ёсондоо хоёр айл зөрж байраа солин амьдраад хоёр жил болжээ. Өвөөгийнх гэдэг нь академич Ж.Болдбаатар гуайнх. Энгийн даруухан хэрнээ цаанаа тохилог, дулаахан уур амьсгалтай энэ айлд хоёр цаг хэртэй саатлаа. Жижиг өрөөн дэх шашны шастирууд, хоймортоо залсан номын өрөө нь нүдэнд тусав.

Гэрийн эзэн багадаа яруу найраг сонирхдог хүү байж, бүр яруу найргийн “Хүрэл тулга” наадамд оролцоод ч авч. Уран зохиолд шимтсэн, бичих дуртай тэрээр дунд сургууль, оюутан ахуйдаа “Би чамд хайртай”, “Улаан Халтар Майамид зочилсон нь” гэдэг хүүхдийн ном бичиж байснаа сонирхуулав. Энэ ном нь 10 мянга гаруй хувь хэвлэгдэж байжээ. Б.Гүнбилэгийн ээж нь дууны яруу найрагч. С.Оюунчимэг гэхээр уншигчид андахгүй. Гэрийн эзэн “Ээж минь намайг тав, зургаатай байхад өмнөө суулгаж байгаад шүлэг их хэлүүлдэг байж билээ. Шүлэг бичих аргачлалыг зааж өгнө. Би бичиг мэдэхгүй, ээж миний хэлснийг бичгийн машин дээр бичнэ. Оройжингоо л галт тогоондоо шүлэг яриад суудаг хоёр байлаа шүү дээ” гэж хэлээд хөгжилтэй инээлээ. Наймдугаар ангидаа дүүргийнхээ “Хүрэл тулга” наадамд орж хоёрдугаар байранд орж байснаа яриад бөөн инээд болов. “Яагаад ч юм би цэрэгт явмааргүй санагдана. Яваад ирэхэд минь Дулмаа хүнтэй суучихсан байх мэт бодогдоно” гэсэн сүрхий том үгтэй, өөрийнх нь хэлснээр “эх оронч бус” шүлгийг “Соёмбо” кино театрын тайзан дээрээс уншиж байж. Гүнбилэг эхнэрийнхээ аягалж өгсөн цайг оочлонгоо “Бичих тал дээр аав, ээж хоёр чадлаараа зааж өгөхийг оролдсон.

Гэр бүлийн нөлөөлөл л дөө. Аав минь Монголын том сэхээтнүүдийн нэг. Ээж минь шүлэгч. Зохиолч, яруу найрагчид манайхаар их ирнэ. Тийм орчинд өссөн болохоор бичих дуртай болсон байх. Харин хуульч болоод ерөнхийдөө орхиод байна. Уянгатай гэхээсээ илүүтэй, түн тан, түс тас гэсэн юм бичдэг болж” гэж дурсамж сөхөв.

Тэр наймдугаар ангидаа “Охид ба хөвгүүд” гэдэг өсвөр насныханд зориулсан сонины эрхлэгчээр ажиллаж байжээ. Сонин дээрээ гадаад дууны үгийг Герман, Америк сэтгүүлээс олж хэвлэдэг.Нөхөн Үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр НҮБ-ын Хүн Амын сангаас санхүүжилт аван, нийтлэл гаргадаг байснаа ярив. 1990-ээд оны дундуур сонинд ажиллаж байхдаа өдгөө нэрд гарсан олон алдартантай ярилцлага хийж явсан сонирхолтой түүхтэй юм байна. Түүний гаргаж байсан сонинд Асашёорюү Д.Дагвадорж, жүжигчин Д.Нарансолонго, Номин Талстын залуус гээд тухайн үеийн амжилттай явсан охид, хөвгүүдийн анхны ярилцлагууд гарч байж. Тухайн үед залуусын шүтэж, үлгэрлэн дуурайж байсан бүх л ододтой ярилцаж байжээ. Сонирхуулж хэлэхэд 1997 онд есдүгээр ангид байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй сурагч хүү ярилцлага хийн сониндоо нийтэлж байжээ. Тухайн үед “Охид ба хөвгүүд” сонин 2000 хувь хэвлэгдэж, чамгүй амжилттай сонинуудын тоонд багтаж явжээ. Гэрийн эзэн 1996, 1997 оны улсын шилдэг сурагч болж байсныг эхнэрээс нь сонсов. Эхнэр нь мөн сонин гаргахад нь тусалдаг байж. Нэг удаагийн ярилцлага ээжийнх нь ажлын өрөөнд Д.Дагвадорж гэж тамирчин сурагчийн амжилтын тухай өрнөж. Ирээдүйн аварга хүүтэй, энэ айлын гэргий, тухайн үеийн сурагч Ижилмөрөнгийн авахуулсан зураг байдаг гэнэ.

Б.Гүнбилэг шүлэг, уран зохиолоос гадна бөхөд хорхойтой байж. Сурагч байхдаа жүдо бөхөөр хичээллэдэг байжээ. Жүдогоор хичээллэж байх үедээ нүдний хагалгаанд орж эрүүл мэндийн шалтгаанаар спортын хөдөлгөөнийг орхижээ. Нэг хоёр жил спортоор хичээллэхгүй байж. Спортод дуртай 18-хан настай хүү яаж зүгээр суухав, штанг өргөж эхэлжээ. 1998 оноос өнөөдрийг хүртэл штангийн дасгал хийж байгаа аж. Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хэд хэдэн медальтай юм байна. Гэрийн эзний уугуул нутаг нь Булган аймгийн Бугат сум. Хэдийгээр хотод өссөн ч завсар зай гарвал л нутаг руугаа явчихдаг гэнэ. Бага насных нь сайхан дурсамжууд айргаараа алдартай Могодтой ч холбоотой гэнэ. Ээж нь Могодынх. “Хуульч гэдэг ажилтай боловч, заримдаа Булганаас анд нөхөд, ах дүүгээс ирсэн мах, айргийг борлуулах ажил өрнөнө. Зарим хүмүүс намайг мах, айрагны ченж гэж боддог байх” хэмээн гэрийн эзэн хэлэнгээ, энэ намар 21 идэш борлуулснаараа бахархлаа. Цагаан сар дөхөөд айраг зарах улирал нь эхэлжээ.

Бөхөд хорхойтой хуульч залуу Булган аймгийн “Булган хангайн хүчитнүүд”, “Булганхан” бөхийн дэвжээнийхэнтэй их ойр байдаг, эдгээр дэвжээний тэргүүлэгчээр ажилладаг байна. Хааяа нутгийн бөхчүүд дээр очиж бэлтгэл хийдэг байна. “Зурагтаар гардаг том бөхчүүдтэй барилдаж хийморио сэргээх ч сайхан байдаг юм. Хааяа нэг дасгалжуулагч багш нараар одоо ч нуруун дээрээ “сурдуулахад”, тархи нь сэргээд явчихдаг гэнэ. 2003 онд Нэгдүгээр хорооллын байрны, зодог, шуудаг оёдог С.Нямдорж ах нь улсын арслан Д.Азжаргалын багадсан зодог шуудгийг өгөөд “Чи нэг барилдаач. Бөхчүүдтэй барилдахыг чинь харахаар дориун барилдчихмаар юм шиг санагдаад байна” гэж. Тэгсэн С.Нямдорж ахынх нь найз улсын харцага Г.Ганхуяг барилдахдаа өмсдөг байсан гутлаа өгчээ. Харцагын аав Ганзориг улсын цол авахдаа тэр гутлыг өмсөж байсан гэнэ. Харцага ч өөрөө улсын цол авахдаа өнөө гутлыг өмсөөд туг тойрч байжээ. Ийм утга учиртай гутал жийж, хуурай ахынхаа бэлэглэсэн зодог шуудгийг өмсөөд Булганыхаа Хишиг-өндөр сумын бөхийн барилдаанд хүч үзжээ. Мань эр “Зүгээр зогсож байгаад л түрүүлчихсэн байх”гэж хошигносныг бодоход бөхөөр хичээллээд энэ спортоор явсан бол хоосонгүй байсныг нь түвэггүй харчихаж болохоор юм.Б.Гүнбилэг “Тэр үед манай Хишиг-Өндөр сумын барилдаанд улсад дөрөв давчихсан аймгийн арслан гээд л тухайн үедээ цуутай том бөхчүүд зодоглосон. Тэр сайхан аавын хөвгүүд дундаас сумын заан болчихсон юм. Би тухайн үедээ нэлээд том биетэй байсан. 130 гаруй кг жинтэй. Том биетэй болохоороо баглаж зогсож байгаад л хүн мэх хийхээр нь мушгисаар байгаад үзүүр түрүүнд үлдчихсэн. Бөхөөр явж болох юм байна гэсэн бодол тэр үед төрсөн шүү. Гэхдээ тухайн үед ажил ихтэй, бөхөөр анхлан хичээллэхэд “хөгширсөн” байсан учраас тэгсгээд зогссон” гээд яриагаа үргэлжлүүлэв.

Б.Гүнбилэг, академич Ж.Амарсанаагийн удирдлага доор анх ажилд оржээ. Ачаалалтай ажиллаж сурсан тэр жилүүдийнхээ тухай “Тэр хүний удирдлага доор жинхэнэ ажлын машин болсон доо. Нойр хоолгүй орчуулга хийдэг байлаа. Ачаалал даах чадвар суулгасанд нь их баярлаж явдаг. Тэр үеийн манай Хууль зүйн үндэсний төвийнхөн Ж.Амарсанаа, Б.Чимид багшийн гараар орсон,одоо бол мундаг хуульч нарболжээ. Ажилд орсноос хойш зав зай гэж бараг гарахаа байсан. Ингээд л бэлтгэл хийж чадахгүй болж аажмаар бөх барилдаж болмоор юм гэсэн итгэлээсээ хөндийрсөн дөө. Аймагт нэг удаа дөрөв, нэг удаа гурав давсан. Бэлтгэл олигтой хийхгүй хүн тэгсгээд л явж байгаа юм” хэмээв.

Гэрийн эзэгтэй Я.Ижилмөрөн нөхрийнхөө талаар “Хүн хүнийг ханилан байж мэддэг юм билээ. Сайн талыг нь өдөр ирэх тусам л таньж мэдэж байна даа. Миний хань чинь хөдөлмөрч, илэн далангүй гээд сайхан чанар ихтэй. Бусдад шаардлага тавьж чаддаг. Хоосон яриад явдаггүй. Бид хоёрт цагийн юмыг цагт нь хийхийг арван жилийн багш нар маань сайн ойлгуулсан гэж боддог” гэж хэлээд бидний өмнө цай хоол өрөв. Чанасан мах, бууз, сүүтэй цай өрсөн ширээний ард гэрийн эзэн, эзэгтэй хоёрын анх танилцсан түүх хөвөрлөө. Б.Гүнбилэг бидэн рүү тавагтай бууз ойртуулангаа “Түрүүн хэлсэн дээ, бид хоёр 83 дугаар сургуулийн нэг ангийн хоёр гэж. 1988 оны есдүгээр сарын 1-нд нэг ангид сурч эхэлсэн дээ. Би гэргийгээ тавдугаар ангиасаа л нууцхан харж эхэлсэн. Наймдугаар ангидаа Ижилээ өөр сургууль руу шилжих болов оо. Тэгээд хайртай гэдгээ хэлчихлээ. Өнөөх чинь ойлгож өгдөггүй, хүлээж аваагүй. Есдүгээр ангидаа би МУИС-ийн лицей сургуульд элсэн орлоо. Есдүгээр сарын 1-нд ангидаа ортол манай хүн сууж байдаг байгаа. Тэгээд л бие биеэ жигтэйхэн танимхайраад, би ч заяаны хань энэ тэр гээд бодчихсон хөөрөв. Хоёр дахь өдөр нь анги дээрээ яаран сандран давхиад ортол манай хүн байдаггүй. Тэгсэн чинь буцаад 83 дугаар сургууль руугаа шилжсэн гэнэ. Би ч аав, ээждээ худлаа хэлж, онцгүй сургууль байна гэж байгаад 83 руугаа Я.Ижилмөрөнгийнхөө араас буцаад шилжиж очлоо. Гэтэл манай хүн дахиад алга болчихдог байгаа. Сураг сонссон чинь 13 дугаар сургууль руу шилжчихэж. Араас нь дахиад шилжилтэй биш. Тэгээд өөр өөр сургуульд сурч аравдугаар ангиа төгсч байлаа. Манай хүн аравдугаар ангиа төгсөөд Лондон руу бизнесийн сургуульд явсан. Би ч МУИС-ийн Хуулийн сургуульд элслээ. Хоёрдугаар курс төгссөн зун Англиас манай хүн амралтаараа ирээд ангийнхнаараа уулзаж байсан юм. Ингээд бүр хожим 2004 оны нэгдүгээр сарын 23-нд албан ёсоор гэр бүл болсон доо” гэж дурсамж сөхөв. Гэрийн эзэн“Би чамд хайртай” гэх номыг ханьдаа зориулж бичиж байжээ. Тал нь бодит амьдрал, тал нь зохиол гэнэ.

Б.Гүнбилэг мэргэжлийн нэг сэдэвт хоёр бүтээл, хамтарсан 20 гаруй ном бүтээжээ.

УИХ-ын даргын зөвлөхийн ажлынхаа талаар “Д.Лүндээжанцан багш УИХ-ын дарга байхад би хуулийн зөвлөхөөр ажиллах боломж тохиосон юм. Д.Дэмбэрэл гуайг УИХ-ын дарга болоход залгаад даргын хуулийн зөвлөх болж байлаа. Д.Дэмбэрэл гуай надад санал тавьсан юм. Би цөөхөн хэдэн сар ажиллаад эхнэртэйгээ хамт Австрали явсан. Би тухайн үед 28 тай залуу байлаа. Намайг УИХ-ын даргын зөвлөх байхад долдугаар сарын 1-ний үйл явдал болж, тухайн үедээ хуульчийн хувьд өөрийн хэмжээнд “самгардаж” л явсан. Одоо болж байгаа жагсаал цуглаан надад их танил санагдаад байгаа шүү. Байнга очиж байгаа. Дотор нь орж мэдрэхгүй бол эрсдэлийн менежмэнт гэдэг зүйлийг хүн мэдэрдэггүй л дээ. УИХ-ын дарга М.Энхболдын зөвлөх хийгээд жил орчим болж байна. Анх ажил авахад Ерөнхийдөө одоогийн хэл ам гарчихсан байсан. Дайраад байгаа энэ үйл явдал эхэлчихсэн байсан гэсэн үг. Намайг жагсаал, цуглаанд очихоор хүмүүс гайхаад байдаг. Би жагсаал бүр дээр очдог. Газар дээр нь мэдрэх өөр. Хүмүүсийн харцнаас эхлүүлээд ондоо шүү дээ. Монгол Улсын Их Хурлын дарга гэдэг чухал албан тушаал. Ийм албан тушаалтаны зөвлөх хийнэ гэдэг бахархмаар. Аль ч үеийн УИХ-ын даргыг шүүмжлэх үзэгдэл байдаг. Энэ бол байдаг л зүйл. Маргааш нар манддагаараа мандана. Монгол Улс хөгжих итгэлээ огт алдаж болохгүй” гэж ярилаа.

Харин эхнэрийгээ дагаж Австрали явсан талаараа “УИХ-ын даргын зөвлөх хийж байсан хүн Австралид очсон. Тэнд арьсны үйлдвэрт зургаан сар ажилласан даа. Өндөр цалинтай, өдрийн 12 цаг ажиллана. Долоо хоног бүр цалингаа авдаг. Зарим долоо хоногт 1500 доллар авдаг байсан. Би урьд нь гадаадад аяга, угаагч, зөөгч гээд өчнөөн ажил хийж явсан. Гэтэл Австралид очиж арьсны үйлдвэрт ажилласнаараа хөлс гэдэг үгийн утгыг ойлгосон. Өмнө нь хийж байсан ажлууд юу ч биш байсан юм билээ. 60-70 кг-ын арьсыг зулгаагаад, огтлоод дэгээнд өлгөх үйлдлийг 12 цагийн турш хийнэ. Хурууны өндөг бүгд хагарчихдаг юм билээ. Бяр их сууна. Тэнд ажиллаж байх үед Б.Чимид багштайгаа яриад Монголдоо ирж доктороо хамгаалж байсан. Буцаад Австралид очоод Мелбурны их сургуулийн Азийн судалгааны төвд зочин судлаачаар ажилласан. Доктор болох чинь ондоо юм билээ. Амьдрал гэдэг сонин. УИХ-ын даргын зөвлөх гээд улс орны хэмжээний юм ярьж явсан хуульч Австралид очоод арьсны үйлдвэрт ажилласан. Тэгээд дараа нь доктороо хамгаалаад арьсны үйлдвэрт биш, Мельбурн гэх томоохон сургуульд тусдаа өрөөтэй судлаач болчихсон. Ер нь гадаадад ажиллавал мөнгөтэй харьцаж сурдаг.Гадаадад амьдарч байхад найз нөхдийгөө их үгүйлдэг юм. Эх орон найз нөхдөөс эхэлдэг юм шиг л. Найз нөхөдтэйгөө гуниг зовлон, баяр хөөр гээд бүхий л зүйлээ хуваалцдаг болохоор тэгдэг шиг байгаа юм. Нээлттэй харилцаж, баяр цэнгэл, зовлонгоо хуваалцана гэдэг зүйлийн сайхныг мэдэрдэг. Манай эхнэр үрэлгэн биш, аж ахуйч хүн л дээ. Англи, Австрали, Америк, Герман гээд орнуудад амьдарч үзэж бид. Хуруу хумсаа хугалан байж яаж мөнгө олдгийг өөрсдийнхөө хүүхдүүдэд ойлгуулахыг бид хоёр хоорондоо ярьдаг” хэмээн ярихад эхнэр Я.Ижилмөрөн нь “Хөдөлмөрлөөд л байвал болдог гэж бид хоёр боддог. Арван жилээсээ л ажил хийж эхэлсэн” гэсэн юм.

Эдний гэр бүл Улсын их баяр наадмыг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг гэнэ. Энэ талаараа “Манай ээжийн аав халхад алдартай уяач байсан. Тийм болохоор манай гэрийнхэн Улсын баяр наадмыг өргөн хүрээнд тэмдэглэдэг. Манай нагацын талынхан, найз нөхөд бүгд л морь уядаг хүмүүс байсан. Одоо манайх хэдэн адуутай. Булганы Бугат, Орхон сумдад бий. Хүүхдүүдээ ер нь хөдөө явуулчихдаг. Тэднийгээ хөдөө байж зөв хүн болоосой гэж л их боддог доо” гэлээ.

Эцэст нь түүнээс сонгуульд нэр дэвших үү гэж асуухад “2012 онд нэр дэвших гэж байгаад больсон юм. 2016 онд нэр дэвшээч бодит санал ирсэн. Тэр үед аав минь “Миний хүү яах юм бэ. Хэрэггүй. 40 хүрсэн хүн, дөрөө даасан ат гэдэг юм, бодоорой. Ц.Элбэгдоржийг анх Ерөнхийлөгч болж байхад улс даяараа Ц.Элбэгдоржоос сайхан хүн байхгүй гэж байхад “Шударга ёсны тухай дахиж битгий яриарай, Ерөнхийлөгч өө” гэдэг нийтлэл бичээд адлуулж байсан юм. Дараа нь Америктай Монгол Улс Эдийн засгийн ил тод байдлын гэрээ байгуулахад “Болохгүй ээ” гээд Үндсэн хуулийн Цэцэд өгч байсан. Ерөнхийдөө хаана болохгүй юм байна, хаана эрсдэл байна гэдгийг л хуульчид хардаг. Тийм болохоор эргээд харахад дандаа л эрсдэлтэй сэдэв дээр дуугарч байж. Одоо хийж байгаа ажлын нөхцөл ч гэсэн, хүмүүст эрсдэлийг хэлж байгаа. Цаг хугацаа ойлгуулна. Тийм болохоор хуульчид хуулиа ярьдаг. Тэрнээс нийгэмд худлаа попроод байх шаардлага байхгүй. Хуульчид эрсдэлтэй зүйлийг хардаг учраас нийгэмд таалагдахгүй байх үндэслэлтэй. Тэгэхээр сонгуульд оролцохын тулд сонгогчоо соён гэгээрүүлэх ёстой юм билээ” гэсэн юм.

Гэрэл зургийг Г.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ: Үндэсний аюулгүй байдлын үзэл санааг гартаа барьж байдаг гурван хүн дархлаатай байх ёстой

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөөр та ямар байр суурийг илэрхийлэх вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийн талаар АН-ын бүлэг ярилцаагүй. Бид нам дээрээ ярилцах ёстой. Үүний дараагаар албан ёсны байр сууриа илэрхийлнэ. Хэн нэгэн УИХ-ын даргатай холбоотой асуудал биш. 1990 онд Үндсэн хуулийг боловсруулж баталсан хүмүүс бүх зүйлийг харж хийсэн байгаа шүү дээ. Ялангуяа Б.Чимид гуай Үндсэн хуулийн дархлааг их анхаардаг. Өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн улс орны бодлогыг тодорхойлдог, үндэсний аюулгүй байдлын үзэл санааг гартаа барьж байдаг гурван гишүүний аль, аль нь дархлаатай байх ёстой. Ялангуяа УИХ-ын дарга дархлаатай байх ёстой. Тэгэхгүй бол засаглал тогтворгүй гэдэгтэй адил парламент ч гэсэн тогтворгүй байдал руу орох магадлалтай. Тиймээс би гишүүдийн олонхоор шийдээд явах нь зөв хувилбар гэж харахгүй байна.

-Энэ асуудалд танай нам хэзээ байр сууриа илэрхийлэх вэ?

-Бид улс төрийн процесс, эрх баригч хүчний байр суурийг харж байна. Одоохондоо яарахгүй байна.

-Орд газруудыг төрд авч байна. АН үүнд ямар байр суурьтай байна вэ?

-АН өчигдөр үзэл баримтлалын төслөө боловсруулж, Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсэн. Манай намын үзэл баримтлалын гол санаа нь барууны төвийн үзэл баримтлалтай байна. Тэр дундаа хувийн өмч зах зээлийн зарчмаар улс орны эдийн засаг хөгжих ёстой гэсэн байр суурьтай. Тиймээс бүх зүйлийг төрд авах замаар явах нь зөв биш. Үүний том жишээ Венесуэль Улс. Үндсэн хуулийн заалтаар иргэддээ үр ашигтай, хүртээмжтэй оногдох ёстой ногдлыг олгодог, өгдөг ийм байдлаар зохицуулалт хийх нь зүйтэй. Гэхдээ бүх юмыг хураавал Монголд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх үү. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байж уул уурхай ашигт малтмалыг зөв зохицуулж явна. Сэтгэлийн хөөрлөөр, хэт улс төрийн хийрхлээр аливаад хандаж болохгүй.

-УИХ-ын чуулган хуралдалгүй сар гаруйн хугацаа өнгөрлөө. Хэрвээ чуулган хуралдвал прокуророос таван гишүүнийг оруулж ирж магадгүй гэсэн мэдээлэл бий. Ер нь УИХ хуралдахгүй байгаа нь зарим нэг гишүүн хэрэг завших гээд байгаа юм шиг харагдаж байна. Та энд байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Өнөөдөр хулгайг жижиг, том гэж хараад байна. Хулгай бол хулгай шүү дээ. Жижиг, томын ялгаа байхгүй. Энд тэрбум, тэрбумаар тэгш хуваарилсан зохион байгуулалттай төрийн хэмжээний луйвар. Ийм зохион байгуулалттай гэмт хэргийг “Зээл шүү дээ. Эргээд төлчихнө. Юун сүртэй юм бэ” гэж яриад байна. Нэгэнт хуультай, шүүхтэй улс орон юм бол том, жижигдээ биш. Харин хийсэн үйлдлийг нь шалгаж тогтоож, гэм буруутайд нь шийтгэл ногдуулахдаа учруулсан хохиролд таарсан шийтгэл ногдуулах хэрэгтэй. Энд хариуцлага тооцох ёстой. АН хатуу байр суурьтай байгаа.

-Д.Дорлигжавыг баривчиллаа. Түүнийг намын гишүүнчлэлээс хасах уу?

-Д.Дорлигжав даргын хувьд манай намын дарга байсан. Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрэмд зааснаар асуудлыг нь шийднэ. Заалтгүй бол хуулиараа асуудлаа шийдэх байх.

-Танай нам УИХ-ыг тараах тогтоолоо боловсруулсан уу?

-АН-ын Улс төрийн зөвлөл УИХ-ыг тараах шийдвэр гаргаад, УИХ дахь АН-ын бүлэг байр сууриа илэрхийлсэн. Бид удахгүй УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулах тогтоолын төслийг боловсруулж, гарын үсэг цуглуулна. Өнөөдөр шударга ёс яриад байгаа хүмүүс тэр тогтоолд гарын үсэг зурах байх гэж бодож байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Содном: Баялаг бүтээж биш, хууль зөрчиж, төрийн өмчийг завшиж хөрөнгөждөг компани байсан бол “МАК” компанид миний хөл гишгэхгүй байх байсан

Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой ярилцлаа.

-Төрж өссөн нутаг ус, аав, ээжийн тань талаар ярилцлагаа эхэлье. Та хаана төрсөн, аав ээж, ах дүүгийнхээ тухай ярихгүй юу?

-Би Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт байдаг Аргалын уул хэмээх хайрхан уулын хойд талд Гарамын голын Илийн бууц хэмээх намаржаанд 1933 онд төрсөн юм билээ. Аав минь “Аргалын уулын Алтан Чой” хэмээх цолтой Чойжамц, ээж минь Цэвэгийн Думаа. Тэд олон хүүхэдтэй гэр бүл байсан. Миний дөрвөн ах, нэг эмэгтэй дүү нар минь малчин, багийн дарга, үйлчлэгч, багш, жолооч, боловсон хүчний эрхлэгч зэрэг ажил хийж амьдарсан, хоорондоо эвсэгээрээ гайхагддаг хүмүүс байсан.

-Таныг шаггүй урлагийн авьяастай гэдгийг олон түмэн мэддэг. Нэгэн цагт Эрхүүгийн радио таны дуулсан хоёр ч дууг бичин авч үлдсэн гэдэг. Энэ тухай дурсах уу?

-Сангийн яамны нэр дээр тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж байхдаа хамт суралцаж байсан монголчуудтайгаа оюутнуудын дунд зохиогддог спорт уран сайхны арга хэмжээнд оролцдог байлаа. Оюутан залуучуудын урлагийн наадамд оролцож миний дуулсан монгол орос хоёр дууг Эрхүүгийн радио бичлэг хийгээд Монголд дамжуулсан юм билээ. Азаар Дорноговь аймгийн Зүүнбаянд амьдарч байсан миний ээж, ах дүү нар, найз нөхөд сонссон гэдэг. Тэр үед би тембр сайтай баргил хоолойгоор дуулдаг байсан нь хүмүүст таалагддаг байсан. “Москва орчмын үдэш“ гэдэг дууг оросын Трошин гэдэг дуучин дуулж алдаршуулсан. Тэр хүний дуулахыг сонсоод Ээж минь “Хөөрхий, миний хүүтэй ямар адилхан дуулдаг юм” гэж байж билээ. Хоолойн өвчнөөс болж би дуулж чадахаа больсон. Харамсалтай нь ангинаар хоолой өвчлөхөөс хамгаалах аргыг оройтсон хойно мэдэж авсан. Хүний биед иод дутсанаас болж ангинаар хоолой өвдөгийг анагаах аргыг би олж мэдсэнээ хүмүүст хэлж өгдөг болсон юм.

-Хаана хэдэн онд ямар ямар сургууль дүүргэж байв. Тухайн үеийн боловсролын систем ямар байсан бол?

-Дорноговь аймгийн Баянмөнх гэж нэрлэдэг байсан сумын сургуульд 1942-1946 онд суралцаж бага ангийн боловсролтой болсон. Дараа нь Улаанбаатар хотод Санхүүгийн техникумд 1946-1950 онд суралцаж нягтлан бодогч мэргэжилтэй болж, ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуульд 1954-1958 онд суралцаж санхүүч мэргэжилтэй болсон. Тэр үед манай боловсролын систем ухаалаг байсан гэж боддог. Хамгийн чухал нь бүх хүүхдийг боловсролтой болгодог, ямар мэргэжилтэн бэлтгэх шаардлагатайг төлөвлөж, сургасан хүмүүсээ бүгдийг мэргэжлээр нь ажиллуулдаг систем.байсан. Боловсрол мэргэжил олгох бүх төрлийн сургалт үнэ төлбөргүй, ажил хийдэггүй хүнийг зэмлэдэг, заавал ажилтай болгодог байсан шүү.

-Та ажил амьдралынхаа гарааг хэрхэн эхлүүлж байв. Тухайн үеийн нийгмийн амьдрал, улс төрийн нөхцөл байдал ямар байсан талаар ярихгүй юу?

-Сангийн яамны харьяа Санхүүгийн техникумийг 1950 онд төгсөөд 17 настай хүүхэд Сангийн яаманд санхүүгийн байцаагч гэх албан тушаалтай ажилтан болж байлаа. Мишиг гэдэг ахмад ажилтан намайг дагуулж оёдлын нэг үйлдвэр дээр сар гаруй хугацаанд хийсэн санхүүгийн баримтын шалгалтандаа оролцуулж ажиллуулахдаа нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг яаж бүрдүүлдэг, тэдгээрийг хэрхэн нэгтгэдэг, тайлан тэнцлийг яаж гаргадаг зэргийг зааж өгч билээ. Би тэр сар гаруйн хугацаанд техникумд суралцахдаа анзаараагүй нягтлан бодогчийн хийдэг ажлыг мэдэж авсан. Сангийн яаманд байцаагч, санхүүч, нягтлан бодогчийн албан тушаалд ажилласан 1950-1954 он бол санхүү бүртгэлийн ажлыг амьдралын их сургуулиар суралцсан жилүүд. Тэр үеийн нийгмийн амьдралын хувьд бол ахмадууд нь залуучууд, хүүхдүүдээ амьдрал ажилд сургахын төлөө бүхнийг зориулж байсан үе. залуучууд хүүхдүүд нь ахмад үеэ хүндэтгэж, тэднээсээ суралцахыг эрхэмлэдэг хүмүүжилтэй байсан гайхалтай сайхан үе гэж би хэлнэ. Улс төрийн нөхцөл байдлыг бол төр төвшин, түмэн амгалан байсан үе, сахилга дэг журамтай байсан үе, бүхнийг тэгш байлгах оролдлого хийж байсан социализмын үе гэж хэлж болох байх.

-Та гэр бүлийнхээ хүнтэй анх хэзээ танилцаж байсан бэ?

-Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуульд (одоогийн Байгалийн улсын их сургууль) 1954-1958 онд суралцаж байхдаа ханьтайгаа танилцсан. Миний заяаны хань болсон хүн бол Оросын Холбооны Улсын Алтайн хязгаарын Славгород хотод төрсөн Луценко Вера Степановна. Надтай гэрлээд Содном Вера Степановна болж, 1959 оноос 2011 он хүртэл Монголд амьдарсан бурхан хүн байсан. Сургуулиа төгсөж дипломаа авсан тэр өдөр гэр бүлээ бүртгүүлж байж билээ.

-Сэтгэл байвал хүмүүс хоорондоо ойлголцоод ажиллаад байж болдог гэж та хэлж байсан. Үүнийг жаахан тодруулахгүй юу?

-Манай зарим удирдах нөхөд боловсрол, сэтгэл, даруу түвшин зангийн аль нэг дутуугаас хоорондоо ойлголцож хамт ажиллаж чадахгүй байгааг ажиглаад хэлж байсан санаа. Намайг 1990 он хүртэл ажилласан 14 дахь Ерөнхий сайд гэдэг. Чойбалсан гуай 1952 онд өөд болсноос хойш 32 жилийн хугацаанд Засгийн газраа тэргүүлж байсан Ю.Цэдэнбал гуай, Ж.Батмөнх гуай нарын дараа би 1984 онд томилогдож, 1990 онд огцорч байлаа. Арав хорин жил нэг албан тушаалд ажилласан хугацааг хэтэрсэн урт хугацаа гэж ярьдаг. Ахмад нөхдүүд ариун сэтгэлтэй, улс ард түмний төлөөх үзэл баримтлалдаа үнэнч, эвийг сахиж, ойлголцож чаддаг хүмүүс байсан учраас Засгийн газраа олон жил тогтвортой ажиллуулж байсан болов уу.

Гэтэл 1990 оноос хойш 28 жилд Засгийн газар 15 удаа солигджээ. Хэт богино настай буюу тогтвортой ажиллаж, тогтвортой хөгжлийн асуудлыг шийдэх чадвартай Засгийн газартай байсангүй. Үүний шалтгаан нь төрийн эрх барьж байгаа улс төрийн намуудын удирдлага, тэдний дэвшүүлсэн зарим албан тушаалтны сэтгэл ариун бишийнх. Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх урт хугацааны бодлого төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхэд сэтгэл гаргаж ажилласан Засгийн газар байсангүй нь засаг тогтворгүй байсны гол шалтгаан. Авлига, албан тушаал ашиглалтай холбогдож байдаг, боловсрол хүмүүжил тааруу хүмүүс төрийн албанд очихоор эв нэгдлийг эвдэж, засаг төрийг тогтворгүй болгож, хөгжил дэвшилд саад болдгийг төр засгийн зүгээс онц анхаарах цаг болсон байна. Юуны өмнө төрийн яамдад чадварлаг хүмүүс сонгон авч тогтвортой ажиллуулдаг, тэд нарт тухайн яамны хариуцсан салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлж байх үүргийг хариуцуулдаг болмоор байна. Би яамны бодлого гэж байх ёстой, сайдын бодлого гэж байх ёсгүй гэж боддог.

Иргэдэд үйлчлэх үүрэгтэй төрийн дунд, доод шатны байгууллагад байгаа боловсрол хүмүүжил тааруу албан тушаалтнуудтай иргэд уулзахаас халширдаг боллоо. Иргэнд тус болох сэтгэлгүй, бүдүүлэг харилцаатай хүнд сурталтан нарыг олон нийт үзэн яддаг. Ийм түшмэд төрийг муухай харагдуулж байгааг анхаарахгүй бол болохоо байлаа. “Ариун сэтгэл авралын үндэс“ гэж Дилав хутагт Жамсранжавын хэлсэн үг байдаг. Хүний нөөцийнхөн хүний сэтгэл рүү өнгийж байхад илүүдэхгүй. Боловсролтой, зарим гадаад хэл мэддэг, ном харж байдаг хүмүүсийн ажил амьдралыг ажиглахад ялгаа байна. Нэг нь үйлдвэрлэл эрхэлж, баялаг бүтээж, олсон ашгаа улс орны хөгжилд хэрэгтэй шинэ төслүүдэд зориулж байдаг. Мэдээж хангалуун амьдардаг. Нөгөө нэг нь хувийн амьдралаа эрхэмлэж, валютын арилжаа, төрийн оролцоотой томхон аж ахуйн нэгжүүдийн удирдлага хавьд, өөрөөр хэлбэл, мөнгөний үнэр ханхалдаг газарт хэзээний л оччихсон хялбар аргаар мөнгө олоход мэдлэгээ ашигладаг. Энэ нь тухайн хүний сэтгэл нь ариун эсэхээс хамаарч байгаа юм. Одоогийн нөхцөлд боловсрол чадвартай, улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа ариун сэтгэлтэй баялаг бүтээгч нараа хувиа хичээгчид, бүтэл муутай улс төрчдөөс хамгаалж, тэдний компани, үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг эрхэмлэх нь чухал болж байна.

-Та цэл залуу гучин насандаа Сангийн сайдын албан тушаалд томилогдсон. 55 жилийн өмнөх тэр томилолтын түүх сонин байж болох. Орчин үед танил тал, мөнгөтэй нэг нь өндөр албан тушаалд очиж мөнгө олох оролдлого дэлгэрсэн гэж ярих юм.

-Бавуугийн Лхагвасүрэн нэг удаа “Таны юу нь таалагдаад тэр залуудаа төрийн сайдаар томилогдож байсан бэ“ гэж надаас асууж билээ. Би тэгэхэд “Бэлтгэгдсэн гэж үзэж томилж байсан болов уу“ гэж хариулж байсан. Сангийн сайдын ажлаа надад хүлээлгэж өгсөн Б.Дүгэрсүрэн гуай яагаад өөрийнхөө оронд намайг томилуулж байгааг ярьсан. Тэрээр “Сангийн яам чамайг харьяа Санхүүгийн техникумдаа суралцуулж нягтлан бодогчийн мэргэжилтэй болгоод байцаагч болон нягтлан бодогчоор ажиллуулаад, яамныхаа нэр дээр Эрхүү хотод дээд сургуульд суралцуулж санхүүч мэргэжилтэй болгосон. Дээд сургуульд сурч байхад чинь яамандаа улсын төсвийн реформ хийх тооцоон дээр ЗХУ-ын мэргэжилтэнтэй хамт ажиллуулсан. Эрхүүгээс ирэхэд чинь яамандаа валютын хэлтсийн эрхлэгчээр томилж, гадаад тооцооны асуудлыг хариуцуулж ажиллуулсан. Энэ бүхний үр дүнд чамайг Сангийн сайдын ажлыг хийх бэлтгэлтэй болсон гэж үзэж байгаа юм“ гэж билээ. МАХН-ын Төв хорооны Улс төрийн Товчооны хуралд намайг томилох асуудал яригдахад би “Сайдын ажлыг хийж чадахгүй байх, би айж байна“ гэж үнэнээ хэлж билээ. Тэгэхэд Ю.Цэдэнбал гуай: “Чи энэ яамны сайдын ажлыг хийж чадна. Чи бэлтгэгдсэн мэргэжилтэн. Сайдын ажил хийх туршлага дутна. Бид нар чамд тусална шүү дээ” гэж хэлээд шийдвэрээ гаргаж байсан. Намайг Сангийн сайдаар зургаан жил ажиллуулаад, Улсын төлөвлөгөөний Комисст шилжүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого төлөвлөгөө боловсруулах ажил хариуцуулсан. 1984 онд Засгийн газрын Ерөнхий сайдын ажилд томилсныг би төрийн боловсон хүчний бодлогын дагуу миний ажил амьдрал урсаж дээ гэж боддог. Орчин үед, Төрийн сайд зэрэг өндөр хариуцлагатай албанд “хүссэн, дурласан” бүхнийг биш, харин мэргэжилтэй, хийх ажил, хүлээх хариуцлагаа бүрэн ухамсарласан хүнийг сонгон томилж, хариуцлага тооцож тогтвортой ажиллуулдаг болох онцгой шаардлага байгаа.

-Улс төрийн өндөр албан тушаалд ажиллахад чухам юуг илүү анхаарах ёстой вэ?

-Улс төрийн өндөр албан тушаал гэдэгт би юуны өмнө Засгийн газрын Ерөнхий сайдын албан тушаалыг хамааруулж бодлоо хэлье. Гүйцэтгэх засаглалыг тэргүүлэгч бол Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг хангаж, эдийн засаг, нийгмийг хөгжүүлж байх бүх талын арга хэмжээг зөв төлөвлөж, зохион байгуулж ажиллах маш чухал үүрэг хүлээсэн өндөр албан тушаалтан. Ерөнхий сайдын анхаарал төвлөрүүлж ажиллах ёстой гол ажил бол Монгол Улсын хүн ам урт, дунд хугацаанд хэрхэн өсч, амьдралын хэрэгцээ нь тоо чанарын хувьд хэрхэн өөрчлөгдөхийг тооцож, түүнийг хангахад шаардагдах эдийн засаг, нийгмийн арга хэмжээ буюу хөгжлийн бодлого төлөвлөгөөг үндэслэл тооцоотой боловсруулж хэрэгжүүлдэг байх явдал. Улсыг эдийн засгийн хувьд бие даасан, хүчирхэг болгох, үүний тулд өндөр үр ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлж, гадаад худалдаа, улсын төсвийг ашигтай байлгах шаардлагыг хангаж ажиллах ёстой. Улс нийгмийн хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтой гол зангилаа асуудлыг зөв тодорхойлж шийддэг чадвартай байхын тулд Ерөнхий сайд өөрөө эдийн засаг санхүүгийн мэдлэг туршлагатай, алив төсөл арга хэмжээний талаарх шийдвэрийг техник эдийн засгийн үндэслэлээр үр ашигтай байх нь баталгаатай болсон нөхцөлд гаргадаг, тэргүүний техник, технологийг судалдаг, хамт олны эвийн хүчийг ашиглах чадвартай байхын чухлыг хэлмээр байна.

-Тэртээ 1989-1990 онд Ардчилсан хувьсгал өрнөж, Улс төрийн товчоог огцруулсан. Эрс өөрчлөлтөд нам төрийн удирдлагад байсан та бүхэн энэ үйл явдалд яаж хандсан, таны ажил амьдралд шууд утгаараа яаж нөлөөлсөн талаар ярихгүй юу. Тухайн үед танаас хууль хяналтын байгууллагынхан дуудаж, байцааж байсан гэдэг…

-Би саяхан “Өлсгөлөн зарлаж, Огцролт болж, Өөрчлөлт эрчимжсэн түүхээс” гэсэн нэртэй ном бичиж хэвлүүлсэн. Тэр номондоо би 1990 оны гуравдугаар сарыг ардчилсан хувьсгалын оргил цаг гэж хэлээд болсон үйл явдлуудыг баримттай, гэрэл зурагтай нь нийтэлсэн. Сүхбаатарын талбайд 1990 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс өлсгөлөн зарлаад байсан С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл болон бусад залуучуудтай би Ерөнхий сайдын хувьд 8-ны өдөр Монгол телевизэд уулзалт хийж, Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэх асуудлыг хэрхэн шийдэх, МАХН-ын үүрэг ролийг өөрчлөх буюу нам ба төрийн ажлыг тусгаарлах, МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоог огцруулах асуудлаар залуучуудын тавьж байсан санал шаардлагыг хэрхэн шийдвэрлэвэл зохистой байх асуудлаар санал солилцсон. Тэр уулзалт харилцан ойлголцохыг эрмэлзсэн, соёлтой хүндэтгэлтэй тайван ярилцлагаар тулгамдсан асуудлыг шийдэх гарцыг хайсан уулзалт болсныг иргэд харсан. Маргааш нь буюу гуравдугаар сарын 9-ний өдөр Ж.Батмөнх дарга телевизээр иргэдэд хандаж хэлсэн үгийг номондоо оруулсан. Тэр орой нь өлсгөлөн зогссоныг, мөн хэд хоногийн дараа болсон МАХН-ын Төв Хорооны Бүгд хурлаас гаргасан шийдвэрийг номонд бичсэн байгаа. Эрс өөрчлөлт, хувьсгалын шаардлагыг нам, улсын тэр үеийн удирдлага зөв гэж үзэж, өөрчлөлтийн асуудлуудыг залуучуудын төлөөлөлтэй хамтарч зөв арга замаар, шийдэж байсан бодит түүхийг дээрх номоос мэдэж болно.

Ардчилсан хувьсгал тайван хувьсгал болсон. Түүнийг санаачлагчид болон нам, төрийн удирдлагын хооронд өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй болсон талаар саналын зөрөө байгаагүй, харин шинэчлэлтийг аажмаар уу, эсвэл эрчимт хурдаар хийх үү гэдгээр саналын зөрүү байсан боловч зөвшилцөж чадсанаар тайван хувьсгалын нөхцөл бүрдсэн гэж боддог. Ардчилсан хувьсгал өрнөж байх үед нам, засгийн удирдлагад олон жил итгэл үнэмшлээрээ шударга, үр бүтээлтэй ажиллаж байсан гавьяа нь үнэлэгдэх ёстой ахмадууд хэсэг хугацаанд хаягдсан. Намын Төв Хорооны Улс төрийн товчооны жинхэнэ болон орлогч гишүүн, намын Төв хорооны нарийн бичгийн дарга байсан хэдэн ахмадууд эрхэлсэн ажилгүй, авдаг цалин орлогогүй, бүх насаараа хуримтлуулах гэж оролдож банкинд хадгалуулсан хэдхэн мянгаар тоологдох төгрөгөө авч ашиглах, гэрийнхээ эд хогшилд ч эзэн байх эрхээ хасуулчихсан байдалтай хоёр жил амьдарцгаасан. Тэд нар маань бид хэлмэгдэж байна гэж хэзээ ч ярьж гомдоллож байсангүй. Харин “Цэдэнбалын тойрон хүрээлэгч” гэж цоллож, өөрсдийг нь байлцуулалгүй Бүгд хурал хийж, намаас хөөх хүртэл арга хэмжээ авч, хэрэг биш хэрэг гэгчээр прокурорт хоёр жил байцаалгаж байсанд нь гомдож явдгаа МАХН-ын шинэ удирдагч нарт хандаж хэлж байсан. Ж.Батмөнх даргын хэлж байсан үг дээрх номонд бий. Өнгөрсөн гуч шахам жилийн хугацаанд тэдгээр ахмадууд маань бараг бүгд гомдлоо тээгээд бурхны оронд одож дээ.

-Таны бахархал юу вэ?

-Надад бахархмаар юм их бий. Зарим зүйлийг хэлье. XIII зуунд монголчуудыг нэгтгэн их гүрэн байгуулж, Ази Европыг холбосноор дэлхийн түүхийг мэндлүүлж байсан Чингис хаанаар бахархдаг. XX зуунд Монгол Улсын тусгаар тогтнолыг хангаж, хоёр их гүрэнтэй улсынхаа хилийг тогтоож чадсан ахмадуудаар бахархна. Би нэгэн жарныг улс орныхоо төлөө, үүнээс 41 жилд нь төрийн байгууллагад тасралтгүй хөдөлмөрлөсөн. Намайг ажил хөдөлмөр, амьдралд сургаж хүмүүжүүлсэн ахмадууд, хамтран ажиллаж байсан үнэнч бүтээлч журмын нөхдөөрөө бахархахгүй байх аргагүй.

Монгол Улсын үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлж байршуулах ерөнхий схем нэртэй эдийн засаг нийгмийн хөгжлийн 1975-1990 оны бодлого төлөвлөгөөг удирдан боловсруулж, хэрэгжүүлэх ажилд оролцсоны үр дүнд дурдсан хугацаанд улсад маань бид бүхний одоо хүртэл үр шимийг нь хүртэж байгаа их бүтээн байгуулалтын ажил хийгдсэнийг бахархаж дурсдаг.

“Монголын Алт” хэмээх хувийн хэвшлийн компанид 2014 оныг хүртэл 19 жил зөвлөхөөр ажилласан юм. “МАК” компани Өмнөговь аймгийн нутагт Монгол Хятадын хилээс 50 орчим км зайд байдаг нүүрсний ордод олборлолт хийж экспортод борлуулсан орлогоор улсын экспортын орлого, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлж, орон нутгийн нийгмийн хэрэгцээг хангахад тус болж, ашгийнхаа чөлөөт хэсгийг Цементийн үйлдвэр барьж импорт хэмнэж, Хийт бетон үйлдвэрлэж, барилгын салбарыг чанартай ханын материалаар хангаж, Аялал жуулчлал, Агаарын тээврийн салбарыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулж байна. Дорноговь аймгийн нутаг дахь гадны компанийн мэдэлд байсан Цагаан суваргын зэсийн ордыг ашиглах зөвшөөрлийг авч геологи хайгуулын дутуу хийгдсэн ажлыг гүйцээн хийж, ашиглалтын техник эдийн засгийн үндэслэлийг олон улсын стандартын дагуу боловсруулж, ордыг ашиглах уурхайн техникийг бүрдүүлж, эрчим хүчний хангалт, мэргэжилтэй ажиллагчдыг бэлтгэх, тэдний амьдрах ажиллах нөхцөлийг хангах зэрэг асуудлыг шийдээд байгаа. Ийм их бүтээн байгуулалт, үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлж, улсынхаа эдийн засаг нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа “МАК” компанийн олон мянган ажилтан ажилчдын хөдөлмөр бүтээлд, тэдний дунд хэсэг хугацаанд ажиллаж байснаараа би бахархаж байдаг.

-Таныг МАК компанид зөвлөхөөр ажиллаж байсныг олон нийт мэддэг. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн хувийн компанийн зөвлөх хийхийг ёс зүйгүй гэж шүүмжилдэг хүн байдаг. Мэдлэг туршлагатай ахмадуудаа ашиглаж, тэдний үгийг сонсож байх нь чухал гэж олонх үздэг л дээ. Таны байр суурь?

-“Монголын Алт” компани шиг улс орны эрх ашгийг эрхэмлэж, үйлдвэрлэл хөгжүүлж, улс орон нутгийн төсөв, валютын нөөц арвижуулж байгаа үндэсний компанид зөвлөж ажиллахыг зөв гэж үздэг. Улс орны хөгжилд дорвитой нөлөө үзүүлэх үйлдвэрлэл эрхлэх чадвартай бизнесмэн олон байдаггүй. Өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжлийг манлайлж яваа дэлхийд алдаршсан цөөхөн компани, алдар цуутай цөөхөн бизнесмэний нэр дуулдах юм. Тэд нарыгаа төр, засаг нь бүх талаар дэмжиж, алдаршуулж байдаг. Ийм үзэл бодлоор би “МАК” компанид улс орныхоо эрх ашгийг эрхэмлэж ажиллахыг зөвлөж ажиллаж байсан. Харин баялаг бүтээж биш, хууль зөрчиж, төрийн өмчийг завшиж хөрөнгөждөг компани байсан бол “МАК” компанид миний хөл гишгэхгүй байх байсан.

-Ер нь улс эх орны хөгжлийг улстөрчид авч явдаг уу, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, инженер, эрдэмтэд авч явдаг юм уу?

-Аль нэгийг нь гэж туйлширч болохгүй. Боловсролтой, ариун сэтгэлтэй, улс нийгмийг хөгжүүлэх ухаалаг бодлого төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулж чаддаг улстөрчид улс орны хөгжлийг манлайлдаг. Үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, инженерүүд, эрдэмтэд бол улстөрчдийн боловсруулсан хөгжлийн бодлогыг шүүж, зөвийг нь дэмжиж, үр ашигтай арга замаар хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдгийг онцолж хэлмээр байна.

-Монгол Улсын эдийн засгийг уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэсэн салбар авч явна гэдэг. Эдгээр салбарын өгөөж иргэдэд хэрхэн хүрч байх ёстой вэ?

-Чухал сэдэв. Нийгэмд зөв ойлголт өгөх шаардлагатай байгаа. Дурдсан салбаруудын үр ашиг, түүний хуваарилалтаар өөрийн ойлголтыг товч тайлбарлая. Уул уурхайн салбарт, ашигт малтмалын тодорхой орд ашиглах ажлыг тодорхой тооны ажилчидтай аж ахуйн нэгж компани хариуцаж гүйцэтгэдэг. Геологи хайгуулын ажлыг хийж ордын нөөц, түүний чанарыг тодорхойлоод, шаардагдах техник тоног төхөөрөмж, зарах хөрөнгө, үйл ажиллагааны зардлын хэмжээ, орлого, ашиг зэргийг тодорхойлсон техник, эдийн засгийн үндэслэл тооцоог боловсруулаад үр ашигтай нь баталгаатай гэж үзвэл ордыг ашиглах шийдвэр гаргана. Стратегийн ач холбогдолтой гэж үзсэн ашигт малтмалын ордыг ашиглахад төр оролцох эсэхээ шийдвэрлэнэ. Уул уурхайн үйлдвэрүүдийн ашгаас нь хуулиар тогтоосон хувиар татвар хураамжийг улс орон нутгийн төсөвт төвлөрүүлж, улмаар улс нийгмийн хэрэгцээнд зориулан хуваарилж ашигладаг. Хувьцаат компани бол татвар хураамжийг төлсний дараахь ашгийг хувьцаа эзэмшигчдэд хуваадаг. Энэ бол дэлхий даяар хэрэглэдэг журам. Ийм учиртайг мэддэггүй зарим хүн уул уурхайн үйлдвэр эрхэлж байгаа компани, тэдгээрийн эзэд бизнесмэнүүдийг ашигт малтмалын ордыг хувьдаа ашиглаж баяждаг гэж андуурдаг байх. Ард түмний өмч, бүгдэд тэгш хүртээх ёстой гэж хэлээд гурван сая хүнийг орд дээр очиж баялгийг ухаж гаргаад тэгш хувааж авцгаа гэж болохгүй шүү дээ. Харин бүтээлч хөдөлмөр эрхэлж үзээгүй зарим улстөрчид баялаг бүтээгчдэд атаархаж ажилд нь саад хийдэг, уул уурхайн салбарт хөдөлмөрлөж байгаа мэргэжилтэй ажилтан ажилчид, тэдгээрийн гэр бүлийн олон мянган иргэдийн зүй ёсны ашиг сонирхлын эсрэг хүмүүсийг турхирдаг байж хэрхэвч болохгүй.

-Таны ярьсан энэхүү үзэгдэл одооны нийгэмд нэлээд их ажиглагдах боллоо л доо…

-Тийм учраас л үүнийг ярихгүй байж болохгүй байгаа юм. Түрүүн хэлж байсан санаагаа үргэлжлүүлье. Хоёрдугаарт, хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэгч 200 орчим мянган өрх айлын хүн ам 800 шахам мянган хүн бий. Үүний дотор 400 орчим мянган малчид байгаа. Улсын хүн амын дөрөвний нэг хувийг эзэлдэг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс амьдрал нь хамаардаг эдгээр хүмүүсийн ашиг сонирхлын үүднээс энэ салбарын үйлдвэрлэлийн үр ашгийг өсгөх, үүний тулд малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр хөгжүүлэх ажилд анхаарах шаардлагатай. Сүүлийн 28 жилд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл тогтвортой өсч, хэрэгцээнийхээ ихэнх хэсгийг хангах боллоо. Буудайн үйлдвэрлэл өсч байгаа боловч хэрэгцээгээ тогтвортой хангаж байх нөхцөл бүрдүүлэх шаардлагаар услалттай талбайг нэмэх, агро техникийг сайжруулах хэрэгтэй хэвээр байгаа. Малын тоо хэт нэмэгдэж, бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоог өсгөхгүй байх аргаа олох шаардлага бий болоод байна. Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрийг богино хугацаанд эрчимтэй хөгжүүлбэл хөдөө аж ахуйгаас амьдрал нь хамааралтай тэдгээр хүмүүсийн амьдралыг сайжруулах болно. Манай улсын нийт 21 аймгийн 100 суманд мал нядлах, мах боловсруулах үйлдвэр барих санал дэвшүүлдэг. Жилд бойжуулж байгаа 20 орчим сая төлтэй тэнцэх тооны буюу 20 сая малыг зарлагадаж байвал малын тооны бэлчээрийн даацаас хэтэрсэн өсөлтийг тогтоож болно. Малыг үйлдвэрийн аргаар нядалдаг, боловсруулсан махны 50 хувь буюу 10 сая малын боловсруулсан махыг экспортод гаргадаг байвал, үлдэх 10 сая малын мах дотоод хэрэгцээг хангана. Энэ ажлын ач холбогдол нь нэгдүгээрт, малын тооны хэт өсөлт зогсож, бэлчээрийн даац хэтрэл нэмэгдэхгүй. Хоёрдугаарт, малчдаас хэрэгцээнээс илүү малыг газар дээр нь зах зээлийн үнээр худалдаж авах учраас тэдний орлого нь нэмэгдэх бөгөөд мал аж ахуй эрхлэгчид олширно. Гуравдугаарт, цаг агаар хүндэрсэн нөхцөлд мал зүй бусаар хорогдохоос сэргийлнэ. Дөрөвт, махны экспорт түүнээс орох валютын орлого нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Нөгөөтэйгүүр Зүүн, Төв, Баруун бүсэд нийлбэр дүнгээр жилд 20 сая малын арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг сайн техник технологи сонгон авч байгуулах шаардлагатай. Мөн үйлдвэрлэгдэж байгаа бүх ноолуур, ноосыг бүрэн боловсруулж эрэлт их, өндөр чанарын бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг ойрын хугацаанд байгуулах, үүний тулд ноолуур, ноосыг угаах, хялгаснаас цэвэршүүлэх, ээрэх томхон үйлдвэрүүд бариад сүлжих, нэхэх олон тооны жижиг дунд үйлдвэрүүд барих санал тавьдаг нөхдийн зөвлөгөөнийг авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Мах, арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр хөгжүүлснээр Монголын уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэл хөгжлийн шинэ шатанд гарч, эдийн засгийн ихээхэн үр ашиг нь салбартаа ажиллагсдад шууд очно. Монгол өөрийн онцлогтой эдийн засагтай болно. Монголын ард иргэдийн амьдралын хэрэгцээний ихээхэн хэсэг дотоод тогтвортой эх үүсвэрээсээ хангагдана. Түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг хувьцаат компаниуд хэлбэрээр байгуулаад, малчдад хувьцааг эзэмшүүлбэл мал аж ахуй эрхэмлэгчдийн орлого нэмэгдэх, хөдөө аж ахуйн салбар тууштай хөгжих болно.

Манай улсын хөгжлийн тулгуур болсон гурав дахь гол салбар бол аялал жуулчлал. Тиймээс энэ салбарыг хөгжүүлэхэд анхаарах юм бий. Тухайлбал, жуулчдын ихэнх нь Монголын онгон байгалын үзэсгэлэн, монгол зан заншлыг сонирхож ирдэг. Нөгөө талаас түүхийн дурсгалыг сонирхох, Чингис хааны холбогдолтой газруудыг үзэхээр ирэх жуулчид цөөн байх. Жуулчдын ихэнх дулааны улиралд ирэх магадлалтайг тооцож салбарын хөгжлийн бодлого төлөвлөгөөг боловсруулах нь зүйтэй. Гадаадын жуулчдыг олон тоогоор ирүүлэхийн тулд нисэх онгоцны тарифыг хямд байлгах, жуулчдын явах зам, байрлах газарт цэвэр тохилог бие засах газартай болгох асуудалыг шийдэх хэрэгтэй. Бүх насаараа гадаа хүндэрч үзээгүй гаднын хүнийг яаж үйлчлэхээ бодохгүй байж болохгүй. Аялал жуулчлалыг хөгжүүлснээр төв орон нутагт олон хүн ажиллаж амьдарч байгаа газар дээрээ бага зардлаар орлого олно гэсэн үг шүү дээ.

-Аж ахуйн нэгж компани, үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид рүү дайрч, ор үндэсгүй зүйлээр үйл ажиллагааг нь харлуулах, үүгээрээ өөртөө ашиг хонжоо хайх үйлдэл гаргадаг зарим ойворгон улстөрчийг дахин сонгуулахгүй байхын тулд яах хэрэгтэй вэ?

-Засаг төрийг удирдаж байгаа буюу удирдаж байсан зарим нөхөд улс төрийн тогтворгүй байдлыг өдөөж байгаа. Ялангуяа үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн эсрэг ард олныг турхирах үйл ажиллагаа өдөөж байгаа нь тун харамсалтай. Сүүлийн үед Монголын баялгийг хувьдаа ашиглаж улс ард түмэнд гай болж байгаа 30 гэр бүл байдаг, түүний нэг нь “Монголын Алт” компани гэж ярьж байна. “МАК”-д Д.Содном зөвлөхөөр ажилласан гэж ярихыг ч сонссон. Цаашлаад гай болдог гэх 30 гэр бүлийг тодруулж, хөрөнгийг нь хураах бололтой. Ямар зорилгоор, ямар нөхцөлөөр, ямар хөрөнгө хураах гэж байгаа нь тодорхой болох үед зөв буруугаа ойлгох биз. Тодорхой нэрийн ашигт малтмалын ордыг ашиглах эрх авсан компаниас нь хурааж аваад ашиглахгүй царцаах уу? Эсвэл өөр ямар нэг компанид өгч ашиглуулах бол ямар нөхцөлөөр? Хэрэв төрийн эзэмшлийн компанид өгч ашиглуулах бол шахаа гэдгээсээ хамгаалсан ямар нөхцөлөөр ашиглуулах уу? Уг ордыг ашиглалтад бэлтгэх, ашиглахад зарцуулсан хөрөнгө оруулалтын болон менежмэнтийн зардлыг компанид нь яаж нөхөж өгөх вэ гэх мэт олон асуудалд зөв хариу байх ёстой. Баялаг бүтээж байгаа үндэсний хэдэн компанийнхаа ашиглаж байгаа ашигт малтмалын ордыг хурааж авах яриа өдөөж байгаа улс төрчид гадаад дотоод хөрөнгө оруулагчдыг Монголоос дайжуулах үр дагавар гарахыг бодолцсон байдаг болов уу гэдэгт би их гайхдаг. Орд хураах тухай ярихын оронд хуулийнхаа дагуу ордынх нь ашиглалтад төр зохистой хувиар оролцож, улсынхаа валютын орлого, төсвийн орлогыг нэмэгдүүлэх бодлогоор хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах нь зохистой баймаар. Дахин хэлэхэд би Монголынхоо бүтээн байгуулалтыг эрхэмлэж ажилладаг үндэсний аж ахуйн аль ч нэгж компанид мэдлэг туршлагаасаа хэрэг болох зүйл байвал хуваалцаж байх болно. Баялаг бүтээгчид рүүгээ дайрсан ойворгон улстөрчийг дахин сонгохгүй байхын тулд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, улстөрчдийг иргэд өөрсдөө нэр дэвшүүлж байгаад сонгодог болгох нь зүйтэй. Итгэл даахгүй Улс төрийн намуудаас нэр дэвшүүлсэн хэдэн хүний нэрийг жагсаагаад аль нэгийг нь сонго гэж тулгалт хийж, сонголтгүй сонгууль явуулж байгаа нь ард түмний сонголт биш учраас сонгуулийн журмыг өөрчлөх хэрэгтэй. Улс төрийн намын тулгалтаар гарч ирсэн зарим бүтэлгүй улс төрчийг зааж энэ нөхрийг Та нар л сонгосон шүү гэж, Ямар ард түмэн байна тийм л улс төрч байдаг гэж сонгогчдоор тохуурхдагийг болиулах юм сан.

-Та “Монгол Улсын тусгаар тогтнол баттай байхын үндэс нь ард түмний эв нэгдэл” гэж хэлсэн. Гэтэл өнөөгийн нийгэм бүх шатандаа хуваагдаж талцдаг болж. Ард түмний эв нэгдэлд хортой нөлөөлж байгаа гол субьект нь хэн, гол шалтгаан нь юу байна вэ?

-Өөрийн бодлыг шууд товч хэлье. Дараахь үндсэн шалтгаанаар эв нэгдэл эвдэгдэж байгаа санагддаг. Засгийн эрхийн төлөө өрсөлддөг улс төрийн намууд улсынхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлогоор өрсөлддөггүй, эрх мэдлийг ашиглахын төлөө ичгүүргүй тэмцэлддэг болсон байна. Тэр тэмцлийг манлайлагч нарт нь эв нэгдлийг хангах хүмүүжил, боловсрол, ёс зүй дутаж байна. Энэ бол эв нэгдэлгүй байгаагийн нэг гол шалтгаан. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг гажуудуулж, сахилга хариуцлага дэг журамгүй болсон явдал бас нэг гол шалтгаан. Монголчууд бие биенээ сонсдоггүй, бусдадаа хүндэтгэлтэй хандах хүмүүжилгүй, ухамсаргүй болж байгаа учраас эв нэгдэл эвдэгдэж байна. Энэ нь улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх аюултай. Ер нь ардчилал, хүний эрх эрх чөлөөг туйлшруулж эмх замбараагүй, тогтворгүй байдлыг бий болгох замаар улс орны нь тусгаар тогтнолыг алдагдуулах алсаас үүдэлтэй бодлогод бид бүгд өөрийн бодолгүйгээс өртөгдөж байгаа болов уу гэж санаа зовдог. Хүн бүхэн үүнийг эргэцүүлж бодох хэрэгтэй.

-Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна. УИХ ажлаа хийх аргагүй болж, Засгийн газар нь тулгамдсан асуудлуудыг шийдэж чадахгүй байгаа ч юм шиг. Энэ “зодоон” сайн зүйлд хүргэх үү?

-Сайнд хүргэх “зодоон” яагаад ч биш. Сар гаруйн өмнө энэ зодоонтой холбогдуулж хэрхэн зохицуулах санаа бодлоор “Ийгл“ телевизэд ярилцлага өгч, түүнийгээ бичиж “Өнөөдөр“ сонинд нийтлүүлсэн. Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн гишүүд буюу Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэх төрийн гурван өндөрлөг гэж өргөмжлөгддөг нөхөд төрөө түвшин, түмнээ амгалан байлгах үндсэн үүргээ биелүүлэхгүй, УИХ-аа тараах, Засгийн газраа огцруулах зэрэг шаардлагыг бие биедээ тавьж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэж байгаа нь үндэслэл шалтгаангүй, байж болохгүй, тэвчээд байх асуудал биш гэдгийг хэлээд, У. Хүрэлсүх, М. Энхболд, болон Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нарыг сайн дураараа огцроод эвээ олж, хамтарч ажиллах чадвар сэтгэлтэй хүмүүсийг томилж ажиллуулбал дээр биш үү гэсэн санал хэлж байсан. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, төрийн тогтолцоог боловсронгуй болгох, “Улс төрийн намын тухай” хуульд өөрчлөлт оруулж, намуудын хариуцлагыг өндөржүүлэх, “Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдэд улстөрчдийг шалгаруулж сонгодог эрх өгөх асуудлыг ирэх онд багтаан боловсруулж шийдвэрлүүлээд 2020 онд шинэчилсэн хуулиар төрөө сонгох сонгууль явуулах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч хариуцан хэрэгжүүлэхийг санал болгосон. Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд байлгаж, төр, засгийг тогтвортой ажилладаг, нийгмийг сахилга дэг журамтай болгоход тус болно гэх бодлоор эдгээр саналаа хэлж бичсэн дээ.

-Төрийн тогтолцоог боловсронгуй болгох, парламентыг хоёр танхимтай болгохын ач холбогдлыг жаахан тодотгох уу?

-Ард түмний хяналтад биш, улс төрийн намын захиргаадалд байдаг гишүүд бүхий “Улсын Их Хурал” гэх нэг танхимтай парламент, Давхар дээлтэй буюу УИХ-ын болон Засгийн газрын гишүүнийхээ үүргийг биелүүлж амждаггүй гишүүдтэй, улс нийгмийн хөгжлийн алсыг харсан бодлогогүй Засгийн газартай удаан байж болохгүй нь тодорхой болоод байна. Парламентыг хоёр танхимтай болговол, тухайлбал сум, дүүрэг бүрээс иргэд өөрсдөө нэрийг нь дэвшүүлж байгаад сонгосон гишүүдээс бүрдсэн төрийн эрхийг барих дээд байгууллага – Ардын Их Хурал, түүнээс сонгогдож томилогдсон хууль боловсруулах үүрэгтэй Улсын Бага Хурал байвал засгийн бүх эрх ард түмний мэдэлд ойртоно. Ардын Их Хурлаас Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгож, Шүүх Прокурор, Цэцийг томилдог, Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрыг толгойлж ажиллах үүргийг хариуцуулдаг болох саналыг би дэвшүүлдэг. Зөвхөн энэ нөхцөлд манай төр, засаг ард түмний мэдэлд ойртож төлөвшиж чадахгүй байгаа улс төрийн намууд, тэдний талцсан зодооноос ангид байх болно гэж боддог. Төрийн тогтолцоог ингэж боловсронгуй болговол төрийн ажилд тавих ард олны хяналт сайжрах, ажил хариуцаж асуудал шийдэх эрх үүрэгтэй Ерөнхийлөгч буюу төр улсын нэг гол удирдагчтай болсноор сахилга, дэг журам, хариуцлага өндөржих болно.

-Ардчилал, зах зээлийн эдийн засгийн систем хэр зөв тогтолцоо вэ. Үүнийг монголчууд амьдралдаа хэр зэрэг ашигтай хэрэгжүүлж байгаа вэ?

-Ардчилал, зах зээлийн эдийн засгийн системийг сонгосны зөвд эргэлздэггүй. Харин уг системийг зөв, үр ашигтай хэрэгжүүлж сурах хэрэгтэй байгаа нь амьдралаас харагдаж байна. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэдгийг туйлшруулж, сахилга дэг журам сулруулж анархи байдал газар авснаас амсаж байгаа зовлон бэрхшээлийг би дээр хэлсэн. Энэ алдааг даруй засах боломжтой. Харин зах зээлийн эдийн засгийг төгөлдөржүүлэхэд, ялангуяа иргэд бэлэнчлэх сэтгэлгээг бүрэн орхиж засаг, төрөөс нэхэж шаардахгүй амьдралаа аваад явчих нөхцөлийг нь бүрдүүлж өгөхөд их хугацаа шаардагдах бололтой. Манай цөөн хүнтэй, баялаг ихтэй, боловсролтой иргэдтэй улсад зах зээлийн эдийн засгийн механизмыг зөв ашиглаж чадвал богино хугацаанд түргэн хөгжих боломж байгаа. Миний бодлоор хамгийн чухал бөгөөд дутаж байгаа зүйл бол ухаалаг удирдагч буюу лидертэй болох, сахилга дэг журмыг эрхэмлэх явдал. Сайн лидер бэлэн байхгүй байгаа бол бэлдэх сургах хэрэгтэй. Төрийн эрхийн төлөө зүтгэдэг улс төрийн намууд бүгд нэгдэж сайн удирдагчийн эрэлд гарцгаа гэж уриалмаар байдаг.

-Танд олон асуудал тавьж тодорхой товч, шулуун төлөв хариултууд авсандаа талархлаа илэрхийлье. Эцэст нь нэг түвэгтэй асуудалд тухайлбал, төр, засгийн удирдлагад ажиллаж байгаа болон ажиллаж байсан зарим эрхэм хууль шүүхийн байгууллагыг шударга ёсны эсрэг ажиллаж байна гэж ярих болжээ. Үүнийг та яаж хүлээж авч байгаа вэ?

-Хууль тогтоох байгууллага УИХ-аа тараах, Гүйцэтгэх засаглал Засгийн газраа огцруулах хэрүүл зодоон болж байхад Шүүх засаглалын эсрэг зодооныг өдөөх гэж байгаа бололтой. Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх гэдэг засаглалын гурван баганыг бүгдийг ганхуулах зодоон өдөөж яавч болохгүй. Шүүх Прокурорын байгууллагын ажилд ололт ч, дутагдал ч байгаа байх. Хэрэг шийдэхгүй удааж байна гэсэн шүүмжлэл нь шударга шүүсэнгүй гэхээс илүү сонсогддог. Зарим шүүгч, зарим прокурор шударга шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол тэр хүнтэйгээ ярь, шүүх тогтолцоог бүхэлд нь муу хонгил гэж нэрлээд сүйтгэж болохгүй гэж хэлмээр байна. Та нөхөд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Алтанхуягийн “шударга бусын хонгил“ бий гэж ярьж байгаа юманд яаж хандахыг асууж байна уу. Багануурын уурхайн нүүрсийг 20 мянган төгрөгөөр албадаж аваад 80 мянгаар зарж завсраас нь завшсан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар хүргэнээ томилсон, тэр хүн нь албан тушаалаа ашиглаж хөрөнгө завшсан гэсэн шуугиан байсан. Энэ асуудлыг нь ямар үндэслэлээр хэрхэн шийдсэнийг шүүх хэлж өгөхгүй удаад байвал шүүх засаглалын эсрэг зодоон улам дэвэрч магад. Хонгил гэж байдаг, тэнд нь шүүх байдаг юм бол “шударгын хонгил“ байдаг болгох асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний зөвлөх шийдчихсэн байж болмоор. Төрөө төвшин, түмэн олноо амгалан байлгаасай.

Categories
мэдээ цаг-үе

Нэг нь ч ангиасаа шилжиж зүрхлээгүй 8б-гийнхэн

1975 оны есдүгээр сарын 1-нд Сэлэнгэ аймгийн Орхон сумын найман жилийн дунд сургуульд нэг анги болон нэгдэж амьдралын замналаа эхлүүлсэн эвсэг, нэгдмэл нэг ангийнхныг энэ удаа онцолж байна. 1970-аад оны үед өсвөр насны залуус Абба хамтлагийн дуугаар амьсгалж, Ала Пугачёвагийн дууг пянз хөгжмөөр сонсож, шүтэн биширч өссөн билээ. Тухайн үед орц бүрийн үүдэнд гитарын дуу хангинаж, өнөөх гадаадын хөгжмийг дуурайн дуулж өссөн байдаг. Тэгвэл энэ удаагийн зочин анги дуучин, бүжигчин тухайн үеийн шинэ соргогийг мэдэрсэн хамт олон байжээ. Жишээ дурдахад ангийн сурагч В.Дэлгэрмаа СУИС-ын элсэлтийн шалгалтад Ала Пугачёвагийн “Миллион алых роз” дууг дуулж Сосорбарам, Чаминчулуун нараас өндөр үнэлгээ аван тэнцсэн боловч, Санхүү эдийн засгийн техникумийг сонгон суралцсан байна. Энэ анги сургуулийнхаа хүрээнд урлагийн наадамд оролцон таван жил дараалан түрүүлж байж. Эдний ангийнхан 1983 онд наймдугаар ангиа төгсжээ. Ангийн багш нь Ж.Үржинлхам.

Эл анги 25 сурагчтайгаар анх Орхон сумын сургуульд элсэн орж байжээ. Ангийг нь Доржханд гэх залуухан бүсгүй дааж авсан байна. Багшийнхаа уншиж өгч байсан үлгэр домгийг одоо хүртэл тэд сэтгэл дотроо дүрслэн амьдралын харгуй замдаа мөрдлөг болгон амьдарч байгаа гэнэ. Тэдний бага насны гэнэн хонгор үе аль хэдийн дурсамж болон үлджээ. Алсран холдсон тэр цаг хугацаагаа ангийн нөхөд дурсан санаж хааяадаа жижигхэн хэмжээний уулзалт хийн бага насны гэнэн томоогүй үеэ дурсацгаадаг. Ээж аавынхаа өврөөс гараагүй балчир байх үеийн дурсамж нь үлдсэн ч одоо тэд өвөө, эмээ болцгоон Монгол Улсын өнцөг булан бүрт аж төрж байна. Энэ ангийнхан наймаа төгссөнөөс хойш үндсэндээ цацсан будаа шиг л талын нэг тарчихсан хамт олон. Эрдэнэт, Булган, Улаанбаатар, Өмнөговь, Могод, Дорноговь, Хөвсгөл, Тэшиг, Гурванбулаг, Хангал гээд ёстой л Монголын өнцөг булан бүрт үүрнээсээ ниссэн шувуухай шиг тархжээ. Эдний анги алдартан суутан хомсхон Монголын түм түм төгсөлтийнхний л адил эгэл жирийн нэг анги. Ангийн төлөөлөл болсон Хэл шинжлэлээр докторын зэрэг хамгаалсан ангийн бүлгийн дарга, таван онцын эзэн Д.Буянхишиг Дархан хотын ХААИС-д багшаар ажилладаг. Орхон сумын брэнд “Орхон” үүлдрийн хонийг насаараа малласан улсын аварга малчин Жигжиддоржийн охин Жаргалдалай төрөлх Орхон сумынхаа Засаг даргын тамгын газарт Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Түүнчлэн ангийн хоёрдугаар салааны дарга В.Дэлгэрмаа мөн л төрөлх сумандаа ЗДТГ-т Нийгмийн даатгалын байцаагч хийдэг. У.Гантөмөр, Б.Эрдэнэбаатар, Д.Мягмардарь нар хувь хувийн бизнесээ эрхэлж, салбартаа тэргүүлэгчид болсон гэж ирээд яривал дор бүрдээ амьдрал нь тэгширцгээжээ.

Сэлэнгэ аймгийн Орхон сум нь дөрвөн уулын дунд оршдог. Тиймээс өвлийн улиралд чаргаар гулгах нь нутгийн хүүхдүүдийн хамгийн дуртай тоглоом. Эл ангийнхан ч цасаар байлдаж, уулын орой дээрээс чаргаар гулгаж хөгжилддөг байж. Сумын төвийн урд уулын орой дээрээс ангиараа нэг том чарганд суугаад “Макарина” дууг орилон дуулж байснаа тэд дурслаа. Ангийн сэргэлэн хөвгүүн Батдэлгэр, том биетэй ч томоотой зантай Гантөмөр нар дөрвөн есийн хүйтэнд сургууль дээрээ хааш хаашаагаа дөрвөн метр урттай чарга авчирчээ. Тэр хоёр аахилж уухилсаар ангийнхаа эв нэгдлийн төлөө энэ чаргаар бөөнөөрөө уулын орой дээрээс гулгая гэж ангийнхандаа хэлжээ. Ангийн хүүхдүүд санал хуваагдаад тэрүүхэндээ хийсэн гэнэ. Ангийн хамгийн урт үстэй Бадамжав нүдээ бүлтийлгэн “Урд уулаас доошоо энэ том чаргаар гулгаж байгаад айлын хашаа цөмлөвөл яах юм бэ” гэтэл гэнэн цайлган Жаргалдалай охин “харин ч сонирхолтой юм биш үү. Тэгье л дээ” хэмээн ангийнхаа хөвгүүдийг дэмжсэн байна. Тэд санал хурааж эцэст нь уул өөд явахаар шийджээ. Чаргаа ээлжлэн чирсээр уулын оройд очиж л дээ. Энэ үеэр ангийн дарга Батдэлгэр “Бөөнөөрөө уруудахдаа макарина дууг дуулна шүү” гэж орилоод чарга руу үсрээд орчихож. Аажим аажмаар урагшилж байсан чарга руу ангийн хүүхдүүд нэг нэгээрээ үсрэн оржээ. Бүгд чарган дээр гараад “Ээе макарина…” гээд л дуулж гарсан байна. Удалгүй тэдний суусан гараа уулын бэлээр нутагладаг ууртай ах Хүрлээгийн хашааг зүглэж эхэлжээ. Бүгд сандран замаасаа үсрэн буусаар хамгийн сүүлд Гантөмөр үлдэн чаргаа зогсоохын тулд араас нь чирэгдсээр хашаа цөмлөн орсон аж. Маргааш нь багш нарын хурлаар ангиараа орсон ч одоо тэдний хувьд хамгийн сайхан дурсамжуудынх нь нэг энэ ажээ.

Ангийн 35 жилийн ойн уулзалтын үеэр

Ангийн охин В.Дэлгэрмаа ангийнхаа хөвгүүдийн талаар “Манай ангийн хөвгүүд их тусч хөдөлмөрч зантай хүүхдүүд байлаа. Тухайн үед манай суманд үйлдвэр, завод, хөдөө аж ахуй цэцэглэж байсан үе. Тэр үед нэгдлийн ажилд их тус болдог байлаа. Сагс волейболын мастерууд ч бий” гэсэн юм.

Тухайн үед Орхон суманд ажил өрнөж буцалдаг байж. Атаман ч их байсан цаг гэнэ. Тиймээс сурахын хажуугаар хүнд зодуулахгүй байхаас эхлээд амьдралын их тэмцэлтэй байлаа шүү дээ хэмээн Гантөмөр ярьсан юм. Энэ дөрвөн уулын дунд ёстой л амьдрал буцалж байжээ. Математикийн багш нь тэдэнд маш их даалгавар, давтлага өгдөг байж. Багшийнхаа хамгаалалтад байгаа хүүхдүүд рүү сургуулийн хэмжээнд хэр баргийн хүмүүс халдаад байдаггүй байсан гэнэ. Ангийн хөвгүүд тухайн үеийн нэгдлийн ажилд чадах чинээгээрээ л тусалдаг байснаа дурсав. Тахиан фирм цэвэрлэхээс эхлээд шуудайтай буудай үүрэх гээд хөвгүүдэд хийх ажил их байжээ. Үүнийхээ хөлсөнд нэг талх, ундаахан авах хэмжээний мөнгөтэй болж амттан аваад ангидаа найрладаг байсан гэнэ. Энэ мэтчилэн олон дурсамжийг бичиж болно. Нэг үеийн залуус нэг анги болон ижилдэн дасч, ээнэгшин дотносч нэгнээсээ холдох аргагүй дотно холбоо тогтоожээ.

Нэг намар, хоёр намар, гурван намар… Нэг л мэдэхэд бага насны хамгийн сайхан үе өнгөрчихдөг нь жам билээ. Цаг хугацаа гэж ийм л хурдан санж. 1983 онд найман жилийн сургуулиа төгссөн тэд нэг л мэдэхэд 35 жилийг ардаа үлдээсэн байна. Ойгоороо тус ангийнхны уулзалт Улаанбаатар хотод тунчиг сайхан баярлацгаасан гэдгийг ангийн хүүхдүүд дуу нэгтээ хэлж байлаа. Эдний ангиас нэг ч хүүхэд шилжиж, эсвэл шилжин ирээгүй нь содон. Нэгдүгээр ангидаа уулзалдсан нөгөө л 25 хүүхэд төгсөхдөө ч хамт байжээ.

Тус ангийн Буяндэлгэр ангийнхаа хүүхдүүдэд зориулж шүлэг тэрлэснээ сонирхуулав. Түүний шүлгийг сурвалжлагынхаа төгсгөлд хүргэе:

Ганган хээнцэр бас мода хөөсөн гадаадын дууг гайхалтай дуулдаг айл саахалт болж, дандаа хамт явсан ангийн дарга Батдэлгэр минь

Дуу хөгжмийн төрөлх сонсгол авьяастай, дотуур байранд хамт байсан цэвэр цэмцгэр найз Мягмардарь минь

Арын гуу, Сайхны аманд хамт тугал, бяруу хөөцөлдөж явсан дуучин бас цэвэрхэн охин Ариунболор минь

Урт сайхан үстэй, уян зөөлөн ааштай ухаалаг онц сурлагатан Бадамжаргал минь

Манай сургуулийн бүлгэмийн зөвлөлийн дарга онц сурлагатан шийрийн бригадад тоглож өссөн найз Уранцэцэг минь

Том сайхан нүдтэй, гоё дуулдаг, хааяа аав, ээжээрээ айлгадаг Энхзаяа минь

Орос хэлдээ онцгой сайн надтай адил малын эмчийн охин, ухаалаг сэргэлэн Сарангэрэл минь

Эргэлдсэн алаг нүдээрээ үргэлж инээмсэглэж явдаг хэзээ ч бусадтай маргалдаж үзээгүй гэмгүй сайхан охин Гэрэлтуяа минь

Ангийнхандаа хүндлэгдсэн гэм зэмгүй гэнэн томоогүй Батсайхан минь

Урт сайхан үстэй, цав цагаан царайтай, халуун дулаан сэтгэлтэй Дагва минь

Нэг ширээний найз, нэг ч удаа өөр ширээ рүү явж урваагүй Дээгий минь

Чихэр өгсөн ч дэргэдээ суулгаагүй, бие нь том, ухаан нь бүр ч том Гантөмөр минь

Голын захын хороолол руу өглөө оройгүй хамт алхаж, хорвоогийн бүхий л явдлыг хамт ярилцдаг, урлагийн үзлэгийн медалийг ээлжлэн зүүж явсан Дэлгэрмаа минь

10 жил нэг ангид хамт байж, хамт уйлж дуулсан Орхон руугаа гүйж, анхны хайрын түүхээ хуваалцаж явсан Жаргалдалай минь

Хамгийн жижигхэн нь мөртлөө, хамгийн адтай, сагч тоглодог, хичээлдээ онц Алтанцэцэг минь

Ангиараа бид Алтанбулаг руу Зил-130 машинд ачигдан зугаалж явахад хамт явсан, анхны хайрын захиа өгсөн сайхан хүү Бадрах минь

Сагс тоглохдоо тэргүүний, хов жив нэг ч ярьж үзээгүй, багш айлын охин Мөнхжаргал минь

Ажилсаг шаламгай, хүний төлөө сэтгэлтэй хөөрхөн охин Орхонцэцэг минь

Дээгийтэй хамт нэг ширээнд суудаг том ах хочтой, адуу малд хорхойтой, хурдан шаламгай Сүхбаатар минь

Гитар тоглоно. Дуулна. Бүжиглэнэ. Сагс волейбол тоглоно. Чадахгүй зүйлгүй Орхончимэг минь

Цагаан сайхан царайтай, дуу цөөтэй боловч царайлаг Мягмаржав минь

Өндөр сайхан биетиэй, буржгар гоё үстэй, сагс мундаг тоглодог ээжийн хайртай охин Цэцгээ минь

Сэргэлэн авхаалжтай, сайхан хүү Энхбаатар минь

Сагч сайн тоглодог, урт сайхан үстэй Энхмаа минь

Хамгийн дулаан сэтгэлтэй, ажилсаг, тусч Эрдэнэбат минь

Удаан тайван зантай уужим дэлгэр ухаантай, манай ангийн од Очирбат нар минь бүгдээрээ сайн байна уу.

Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагва: М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын аль алинтай нь уулзсан

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.


-Ирц хүрэхгүйн улмаас парламентын үйл ажиллагаа тасалдаад нэлээд хугацаа өнгөрлөө. УИХ-ыг тараах асуудал ч хөндөгдөөд эхэллээ. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Байнгын ажиллагаатай парламентын мэтгэлцээний талбар нь Байнгын хороодын хуралдаан, УИХ-ын танхим байдаг. Тэнд л асуудлаа шийдэж, буруу зөвөө ард түмнийхээ нүүрэн дээр ил тод ярилцдаг. Харамсалтай нь сар гаруй хугацаанд байнгын ажиллагаатай парламент тасалдаад байна. Би нэг л зарчим барьж байгаа. Аль нэг улстөрч, бүлэглэлийн талд олигархуудыг дэмжих сонирхол надад ер алга. Монголын байнгын ажиллагаатай парламент жигд хурал зөвлөгөөнөө хийж байх ёстой. Бид 1990 онд ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээсээ хойш 29 дэх жил рүүгээ орж байна. Ардчилал, зах зээлийн энэ нийгэмд монголчууд 3.2 сая ард түмнээсээ шилдэг 76 хүнээ байнгын парламент буюу УИХ-д сонгодог гэж ойлгодог. Тэр сонгогдож байгаа 76 хүн УИХ-ын сонгуулийн үеэр бусад нам эвслээ заналхийлж, биднийг л сонгох юм бол улс орныг хөгжүүлж сайхан болгочихно гэж том амлалтууд хэлж, намынхаа мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг дэмжин хууль дүрэмд зохицож ажиллана гэж тангаргаа өргөчихсөн хүмүүс шүү дээ. Төрийн түшээ болоод 76-уулаа тангаргаа өргөхдөө хариуцлагатай, сахилгатай байх талаар ганцхан өгүүлбэр л хэлдэг. Ажлаа хийхгүй байна. Энд хэн нэгэн хүнийг буруутгаж, зөвтгөхөөсөө илүү ажлаа л хиймээр байна. Би өмнө нь ч хэлж байсан. Чуулганы хугацаандаа ирээч ээ гэж шахсаар байгаад овоо цаг хугацаандаа ирдэг болчихсон байсан. Тэгээд овоо жигдэрлээ гэж бодож байтал хуралдаж чадахаа байчихсан нь харамсалтай байна.

-Шинэ оны ажлын эхний өдөр УИХ-ын үйл ажиллагаа доголдолгүй ажиллах болов уу гэж бодож байлаа?

-Өнгөрсөн ондоо хамаг юмаа үлдээгээд шинэ оны эхний өдөр хурал нь эхэлчих болов уу гэж бодсон. Монгол хүн бэлгэ дэмбэрэлээрээ байдаг шүү дээ. Ерөнхийлөгч он солигдоход эрс шинэчлэлт гэж ярьсан. Шинэ жилийн үеэр орон орны төрийн тэргүүнүүдийн хэлсэн үгийг сонслоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлж байгаа үг, урд, хойд хөршийн ерөнхийлөгчийн хэлж байгаа үгний агуулгаас хөгжиж байгаа улс ямар их бүтээн байгуулалтаа ярьж байна, ямар зорилго тавьж ажиллаж байна гэдгийг харж болно. Бидэнд эрс шинэчлэлт гэдэг үгнээс өөр 2018 онд ямар том бүтээн байгуулалт хийчихэв гэдэг талаар сонсогдсонгүй. 2019 онд яг ямар зорилттой ажиллах нь ч харагдсангүй. Ядаж оны эхний өдөр эрс шинэчлэлтээр эрч хүчтэй эхлэх юм болов уу гэж бодоод иртэл хуралдаж чадахгүй хэвээр байна. Туйлын харамсаж байна. Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг шалгасан шалгалтын ажлын хэсгийн материал бэлэн болчихсон. Хуралдах юмсан гэж хүсээд л байгаа. Шинэ, хуучин оны зааг дээр, зааг ялгааны асуудал байна. Зааг ялгаа хэзээ гарчихсан юм. Яагаад үргэлжлээд байгаа юм. МАНАН хэзээ үүссэн юм. Ер нь Монгол төрийн байдал ямархуу байна гэдэг талаар 31-ний орой ажлаа тарчихаад нэг нийтлэл эхлүүлсэн. 1-нд дуусгалаа. Нийтлэлдээ МАНАН будан, зааг ялгааг яаж арилгах талаар бичсэн.

-Он гарахаас өмнө Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд жагсаал, цуглаан зохион байгуулсан. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Өвлийн хүйтэнд 20-30 мянган хүн жагслаа гэж зарим хүмүүс ярьж байна лээ. Цагдаагийн албаны албан бус мэдээллээр 3600-4000 хүн жагссан гэсэн. Өвлийн цагт гурав дөрвөн мянган хүн зузаан хувцастай сүртэй харагддаг. Ер нь хавар амаргүй юм болох байх гэсэн зүйл яригдаж байна. Хаврын жагсаал цус урсгасан юм болбол яах вэ. Долдугаар сарын 1-нд таван хүний амь нас үрэгдсэн талаар ярьдаг. Гэтэл тэр үеэр цагдаагийн 300 гаруй албан тушаалтан гэмтэж бэртсэнээс долоогийнх нь амь нас үрэгдсэн. Одоогийн нийгмийн бухимдал сошиал, хэвлэл мэдээллээр явж байгаа зүйлүүдийг харахаар хавар юу болох вэ гэдгээс сэтгэл эмзэглэж байна. Тиймээс энэ асуудлуудаа ордон дотроосоо хамаагүй задлахгүйгээр буруу, зөвөө дотроо мэтгэлцэж, огцруулахыг нь огцруулж, хариуцлагаа ярих ёстой.

-Энэ үүсээд буй нөхцөл байдлыг хараад УИХ тарвал тарчихъя гэсэн бодол танд төрж байна уу?

-1989 онд Берлиний хана нурахад хоёр ард түмэн тэврэлдэн уулзаж байсан. Кимийг Трамп бүдүүн гахай гээд л, нөгөөдөх нь хөгшин зөнөгөөрөө дуудалцаж байгаад уулзсан. Бид хариуцлагын тогтолцооноос ер бултаж болохгүй. Хариуцлагын тогтолцоог заавал ярих ёстой. Хариуцлагагүй үйлдэл хийсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой. УИХ-ыг тарчих гэсэн нэг хэсэг гишүүд байгаа. Би тэр УИХ-ыг тараах бичигт эмзэглэх зүйлгүй гарын үсэг зурчихаж чадна. Гэхдээ одоо Их хурал тарвал санхүүгийн ямар асуудал гарах вэ, үүний дараа яг ямар хүмүүс гарч ирэх юм. Бэлтгэчихсэн боловсон хүчин байгаа юм уу, байхгүй юм уу гээд л Монгол төрийг иж бүрнээр нь харахыг бодож байгаа болохоос хэн нэгэн хүн, фракцыг хамгаалаад байгаа зүйл байхгүй. Засгийн газар огцрохгүй бол сайн, огцорвол бүр сайн гэдэг үг бий. Энэ нь огцрохгүй байсан ч гарын үсэг зурж Засгийн газарт ухамсрын шанаа гэдэг шиг ойлгоосой гэж бодож байна. ЖДҮ-ээс хулгай хийж, хариуцлагагүй байж болдоггүй юм байна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Сонгууль хийж болно. Гэхдээ заавал ч үгүй намаас хүн дэвшүүлнэ гэдгийг эргэж харах хэрэгтэй. Монгол төрд намын бүлэглэл, фракцаас зугтааж төрийн ноён нуруу болж өөрийнхөөрөө амьдарч байгаа өндөр боловсрол, мэдлэгтэй залуучууд, эрдэмтэн судлаачид олон. Цаашдаа Монгол төрийн ноён нуруу болсон зөв үзэл, хандлагатай хүмүүс гарч ирэхгүй бол нам гэдэг зүйл их л ялзарч байна даа. Ардчиллын үед намгүйгээр явж болдоггүй. Намууд нь өөрчлөгдөж, шинэчлэгдэх гэж хичнээн хугацаа болох вэ гээд л олон талаас нь бодох асуудал их байна.

-Та Ерөнхий сайд болон УИХ-ын даргатай уулзаж, эвлэрүүлэх талаар ярилцаж үзэв үү. Танай нам энэ хоёр хүн дээр л хуваагдаж байгаа шүү дээ?

-Уулзсан. Аль алинтай нь уулзсан. Би аль нэгнийх нь фракц биш. УИХ-ын дарга 60 тэрбумтай холбоотой асуудлын талаар нийтийн сонсгол хийх гэж байхад Оюун-Эрдэнэ гишүүн манай өрөөнд орж ирсэн. 18 гишүүн болчихлоо. Та тулхтай хүн 19 дэх гишүүн болоод гарын үсэг зурчих гэсэн. Би тэрийг нь уншаад үзэхэд хортой зүйл байхгүй, 60 тэрбумын асуудлыг нэг тийш нь гаргах агуулгатай байсан болохоор нь гарын үсэг зурчихсан. У.Хүрэлсүхийн Засгийн газарт ЖДҮ-ийн асуудал яригдсан. Сайд дарга нар нь холбогдсон. Энэ үед би олон талаас нь харж 27 дахь гишүүн болж гарын үсэг зурсан. Би гарын үсэг зурахаасаа өмнө У.Хүрэлсүхтэй уулзаж “Та нар учир начираа олцгоо. Ол гэдэг нь хоорондоо тэврэлдээд муу муухайгаа ярилц гэсэн үг биш шүү” гэж хэлсэн. Хоёр гурван ч удаа энэ талаар уулзсан. УИХ-ын даргатай өнгөрсөн сарын 29-ний өдөр уулзсан.

-Намрын чуулганы үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байгаа вэ. Улсын төсөв баталснаас өөр дорвитой хийсэн ажил бий юу?

-Намрын чуулганаар төсвөөс гадна хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдсэн. Харамсалтай нь их хурал байгуулагдсан цагаас УИХ-ын гишүүд гэдэг өөрсдийгөө хэн болчихсон гэж боддог нь гайхал төрүүлээд байна. Миний ойлгож байгаагаар УИХ-ын гишүүд гэдэг ард түмний элч шүү дээ. Гэтэл УИХ-ын гишүүн гэхээрээ хэнийг ч загнаж болдог, юуг ч хийж болдог эрх дархтай, авлига хээл хахууль, бузар бусармаг үйлдлээс эргэж харахад бодож үзэх асуудал их байна даа. Хууль дүрэм батлаад идэвхтэй ажиллаад сонгуулийн тухай хууль, Үндсэн хуулийн асуудалд чадлынхаа хэрээр ажиллаж байгаа гишүүд бий.

-Алтны татварын хуулийн талаар та ярихгүй юу?

-2.5 хувиар гэж орж ирсэн. Алтыг нь аваад байгаль дэлхийгээ сөнөөгөөд айхавтар үйл явдлууд зөндөө болсон шүү дээ. Үүнд таван хувь байтугай тавьчихаж болж болно. 68 хувь гэдэг зүйл яриад байгаа юм. 2.5-аас 68 хувь гэдэг хэд дахин илүү байна вэ. Үүнийг зөв болгоё гэж их ярьдаг. Гэвч алтны лобби гээд л буцаад 2.5 хувь болгочихсон л доо. Одоо ч алтны лобби зөндөө байгаа. Үүнийг шийдчих хэрэгтэй байгаа юм. 2.5 хувийг хэлэлцэхгүй явчихаар ерөөсөө татвар төлөгч байхгүй болчих юм шиг санагдаад байна. Хуулиа баталж сунгаагүй шүү дээ. Тиймээс нөгөө татвар төлөх сонирхолгүй хүмүүс нь “Уучлаарай, хууль байхгүй” гээд л явчихна. Цаг хугацаа хомсхон учраас асуудлуудыг хуралдаад баталчих хэрэгтэй байна.

-Баянхошуунд худаг барих тендер гаргуулна гэж байсан. Энэ ажил юу болж байна вэ?

-Арванхоёрдугаар сарын 31-ний орой 19:11 цагт би Улаанбаатар хотын удирдлагуудтай утсаар ярьж, мессэж бичсэн. Их хатуу мессэж бичсэн. Тухайлбал, “Би ард түмэнтэйгээ хамт жагсана. Та нар ард түмнийхээ ундны уснаас хулгайлж, улсын төсөв дээр суулгасан мөнгийг тавиулж өгөхгүйгээр авч үлдлээ шүү” гэх мессэж хүртэл биччихсэн. Ийм мессэж биччихээд 20:00 цагт би ажлаасаа гарсан. УИХ-ын 76 гэж яриад л байна. Хотын болон дунд албан тушаалтнуудын хүнд суртал хэрээс хэтэрчихлээ. Дунд албан тушаалын хүмүүс ардаа хэд хэдэн компанитай байдаг юм байна. Улсын төсөв дээр яаж ийгээд хэдэн төгрөг суулгадаг. Тендер нэрээр албан хаагчид нь тэр компанийг шалгаруулахгүй бол та нар заргалдаарай гээд хоорондоо ярьчихдаг юм байна. Тэгээд бүтэн жилжингээ тендерийн ажил нь явж өгөхгүй болдог. Тэгээд бидэнтэй ажил, авлигаа өг гэдэг зарчмаар явдаг шинжтэй юм. Үүнд би туйлын их харамсаж байгаа. Өнөөдөр 600 сая төгрөгийг Баянхошууны ундны усгүй байгаа хүмүүст худаг барих тендер зарлаад өгөөч гэж бүтэн жил хөөцөлдлөө. 31-ний орой хүртэл хадаг барин гуйлаа. Гэтэл өөрсдөө өрөөндөө хаалгаа түгжчихээд онгойлгохгүй юм. Би зөвлөхтэйгөө хотын захиргаа руу хичнээн ч удаа очив.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

Анхны гэх тодотголтой сэтгүүлчийн ангийнхан

Оюутан ахуй цагийн дурсамж хамгийн сайхан гэдэг. Тэгвэл энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа Идэр их сургуулийн сэтгүүл зүйн ангийг урив. Уг анги Идэр их сургуулийн хамгийн анхны сэтгүүл зүйн ангийн төгсөгчид гэнэ. 2003 онд нэг анги болон нэгдсэн тэд өдгөө сэтгүүл зүй болоод бизнесийн салбарт өөрсдийн гэсэн байр сууриа олж ирээдүй өөд тэмүүлж байна.

Уг ангийн хаалгыг тухайн үед 30 гаруй хүүхэд татсан байна. Шинэ бүхэн соньхон байдаг хойно хот хөдөөгийн салхи татуулсан залуусын сэтгэлийг соронздон татсан нь зөвхөн “Сэтгүүл зүй” гэх гоёмсог үг байсан юм. Зарим нэг нь аав, ээжээрээ зөвлүүлэн, нэг хэсэг нь сэтгүүл зүй гэх үлгэрийн тайзыг эзэгнэхээр нарлаг намраар хөдөө орон нутгаас Улаанбаатар гэх метрополис хотыг тэд зорин ирсэн байдаг. Ангидаа 30-лаа байсан тэднээс 17 нь 2007 онд мэргэжлээрээ төгсчээ. Эл ангиас өнөөдөр Идэр их сургуульд мэргэжлийнхээ дагуу оюутнуудыг бэлтгэн багшилж буй нь П.Шүр-Эрдэнэ аж. Тэрээр ангийнхаа хөвгүүдийн талаар “ Манай анги нэгдүгээр курст найман хөвгүүнтэй байлаа. Гэвч төгсөх жил ердөө гурав нь үлдсэн юм. Тэр дундаас нэг ч удаа хичээл тасалж үзээгүй Б.Батпүрэв гэх хөвүүн байсан. Харин нөгөө хоёр залуу нь заримдаа хичээл тасалдаг байлаа. Манай ангийн охид “Ангийн хөвгүүдээ нааш ир ээ” гээд ганц хичээлдээ ирдэг залуу болох Б.Батпүрэвийг л дууддаг байсан. Ангийн хөвгүүдийг ганцаараа төлөөлөн зогсдог байсан Б.Батпүрэв маань өдгөө Хөвсгөл аймаг дахь Аеро Монголиагийн салбарын захирал” гэсэн юм.

Харин Идэр их сургуулийн анхны сэтгүүл зүйн багш нар залуухан бүсгүйчүүд байжээ. Энэ талаар тус ангийн оюутан байсан Г.Болормаа “Манай ангийн багшийг Д.Жигзмаа гэдэг байсан. Тухайн үедээ Багшийн их сургуулийн Утга зохиолын ангийг дүүргэсэн мундаг багш байлаа. Багш маань нүүр дүүрэн инээмсэглэлтэй, том уруултай, бордуу хүн байсан. Биднийг нэгдүгээр курст ороход багш жирэмсэн байсан юм билээ. Багштайгаа их нээлттэй ярилцаж жаргал зовлонгоо хуваалцдаг байж билээ. Гэвч гуравдугаар курст ордог жил багш Солонгос улс руу докторын зэрэг хамгаалахаар явсан юм даа” гэв. Живзмаа багшийг алс холын орныг зорьсны дараа ангийн багшаар Н.Мөнхзориг гэх залуухан багш ангийг даасан байна. Мэргэжлийн талаасаа Солонгоо багш хамгийн сайн байсан гэж тэд дурсаж байлаа. Тэрээр уг ангийнханд “Миний хөргийг бич” гэсэн даалгавар өгсөн байна. Гэтэл оюутнуудын нэг нь “Анх харахад яг л тахиа шиг харагдсан” хэмээн бичиж хөглөж орхисон байна. Учир нь Солонгоо багшын үс шар өнгөтэй байж л дээ. Тус ангийн оюутнууд хичээлийн анхны өдрөө Солонгоо багшийн лекцэд сууж байжээ. Гэтэл балаар ширээ нүдэх чимээ сонсогдож эхэлсэн байна. Оюутнууд багшийн яриаг сонсож чадахгүй болсон учраас ангийн дарга Х.Саруул-Эрдэнэ “Хэн чимээ гаргаад байгаа юм бэ. Багшийн яриа сонсогдохгүй байна шүү дээ” гэж шаардлага тавьжээ. Чимээ гаргасан учир нь оюутан Ц.Цэндсүрэн хараагүй байсантай холбоотой аж. Тэрээр цоолбор хийж багшийн яриаг бичиж авч байсан байна. Хэдий Ц.Цэндсүрэн хараагүй ч сургуулиа амжилттай төгсөж Япон улс руу массажистаар дахин сурч одоо Хараагүйчүүдийн массажистын төвд ажилладаг гэнэ.

ШООЧ ХОШИН ЗАНТАЙ Д.ПҮРЭВЖАВ

Ангийн оюутан Ү.Туулсайхан ангийн даргынхаа талаар дурсамжаа хуваалцсан юм. “Х.Саруул-Эрдэнэ эгч биднээс арав гаруй насаар эгч байсан. Тиймээс манай ангийнхан их эмээдэг байж билээ. Бидэнд амьдралын хатуу, зөөлнийг зааж өгч сургасан хүн дээ. Тиймээс манай ангийнхан амьдралыг таньж мэдэх тал дээр илүү байсан юм болов уу гэж санагддаг” хэмээлээ. Ангийн дарга төгссөнөөсөө хойш одоог хүртэл Монгол судлалын академид нарийн бичгийн даргыг хийж байгаа юм. Уг ангид нэгэн өөр өнгө нэмдэг байсан байсан хүүгийн талаар сийрүүлье. Ангийн хичээл нэлээн тасалдаг хөвгүүн Д.Пүрэвжав шооч хошин зантай нэгэн байжээ. Тухайлбал, шингэхэн хөмсөгтэй Увс аймгаас ирсэн Б.Сүрэнхүүг ихэвчлэн тоглоомныхоо бай болгодог байж. Б.Сүрэнхүү Увс аялгаар ярьдаг байж. Түүнийг Д.Пүрэвжав “Хөмсөг” гэж нэрлэдэг байсан гэнэ. Түүнчлэн ангийн хамгийн дуугүй охин А.Жулдызыг “Чиний хобби дуугүй суух, мөрөөдөл чинь хашгирах” гэж тоглоно. Харин Х.Жайнаган хичээл номоо бага хийдэг охин байсан гэнэ. Энэ дутагдал дээр нь Д.Пүрэвжав бас л дуугүй өнгөрсөнгүй. Тэрээр “Хүүе Х.Жайнаган чиний мөрөөдөл 36 хуудастай дэвтэр дуусгах биз дээ” гэх мэтээр түүний тоглоом дуусдаггүй байсан гэж П.Шүр-Эрдэнэ дурссан юм. Тус ангийн хөвгүүд үнэхээр тусч сайхан сэтгэлтэй байсан аж. Ялангуяа Батпүрэвийг ангийн охид нь онцолж байлаа. Батпүрэв “Ангийн охидуудаа аарц уух уу, хоол идэх үү” гээд гүйдэг их л уриалагхан хүү байжээ. Нэг өдөр охиддоо зориулан вино авчирсан байна. Үүсэн бөглөөтэй виног задлах онгойлгогч байхгүй байсан учраас нарийхан уруулын будгаар доош нь цохиж эхэлсэн байна. Гэвч онгойлгож чадалгүй бөглөөний доохно хэсэг рүү модоор цохиж, улмаар гараа исгэж гэмтээж байсан түүхтэй” аж. Сэтгүүл зүйн ангийн оюутнуудыг дуу бүжиггүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл тус ангийн охидын бүжгийн хамтлаг дөрвөн жил дараалан Идэр их сургуулийн урлагийн наадамд түрүүлж байжээ. Бүжгийн хамтлагт Х.Жайнаган, Г.Болормаа, П.Шүр-Эрдэнэ нар байсан гэнэ. Б.Өнөржаргал харин яруу найрагч байсан аж. “Уран жиргээ”, “Хүрэл тулга” наадмуудад амжилт дүүрэн оролцдог байжээ.

ХАЙР ДУРЛАЛААР ДҮҮРЭН МАНАЙ НЭГ АНГИЙНХАН

Эрдэнэтээс ирсэн туранхай, хөөрхөн Туулд манай зочин ангийн гурван залуугийн хоёр нь зэрэг дурлаж байжээ. Тэр хоёр хүү нь Пүрэвжав, Баттөр нар аж. “Хоёул Туултай үерхэж байсан боловч аль нь ч гэрлэж чадаагүй өөр хүнтэй гэрлэсэн” гэж эл ангийн хүүхдүүд гунигтай дурсаж байлаа. Гэвч хайр, дурлалтай холбоотой асуудал зочин ангийг маань тойрч өнгөрөөгүй аж. Энэ талаар сийрүүлбэл зочин ангийн охидууд маань хоёрдугаар курст байхдаа Бизнесийн удирдлагын гуравдугаар курсын охидуудтай гар зөрүүлж байжээ. Учир нь Бизнесийн удирдлагын ангийн нэгэн залуу “манай” ангийн охинд сайн болсон аж. Тэгээд л захиа зөөж, харц хаялж эхэлсэн байна. Гэтэл тэр залууд ангийнх нь нэгэн охин сайн байжээ. Улмаар “манай” ангийн охин дээр ирж “Чи миний сайн залуутай үерхэх гээд байгаа юм уу” гээд л зодоон үүсгэжээ. Ийнхүү хоёр, гуравдугаар курсын охидуудын дунд зодоон өрнөж байсан түүхтэй аж. Түүнчлэн сэтгүүл зүйн доод курсын залуучуудтайгаа эл ангийн охидууд үерхэж нөхөрлөж байсан түүх олон гэнэ.

Ц.Нямсүрэн гэх өндөр биетэй, царайлаг охин байжээ. Ангийнхан дундаа хамгийн “цоглог” нь байсан аж. Харин эсрэгээрээ Батжаргал ангийнхаа охидуудаас намхан хүү байжээ. Эл ангийн охидууд нь түүнийг “Жоохноо, жижигхэнээ” гэх мэтээр тоглож дууддаг байсан аж. Тэр хүү хоёрдугаар курст орж ирэхдээ ангийнхаа хамгийн өндөр нь болж бусдыгаа гайхшируулсан гэдэг. Ангийнх нь хүүхдүүд “Өндөр болох нууц” гэж хүртэл хочилсон байна. Өдгөө тэрээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газарт хэвлэлийн төлөөлөгч хийдэг байна. Тэрээр Сүрэнхүүгийн талаар “Хөмсөг хочит Сүрэнхүү маань одоо Эрдэнэт FM-д ажилладаг” гэв. Уг ангийн сурагчид өдгөө мэргэжлээрээ ажиллаж явна. Б.Өнөржаргал Эрх чөлөө сонины эрхлэгч хийдэг бол Г.Болормаа Сүхбаатар аймгийн телевизэд ажиллаж байна. А.Жулдыз SBN телевизэд ажилладаг. П.Шүр-Эрдэнэ өдгөө Идэр их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багшаар ажиллаж байна. Тэрээр 2007 онд сургуулиа төгсөж Боловсрол телевизэд редактор, Гялбаа сэтгүүлд сэтгүүлчээр тасралтгүй арав гаруй жил ажиллажээ. Улмаар өнгөрсөн жил сургуульдаа багшаар уригдан иржээ. Зохиол бичих ажилд ч шамдаж байгаа гэнэ. Одоогоор адал явдалт “Зунаа” гэх хүүхдийн цуврал эрхлэн гаргаж байна. Энэ ангийн Ж.Саямаа П.Шүр-Эрдэнийн хамтаар Боловсрол суваг телевизэд ажиллаж байжээ. Одоогоор Япон улсад мэргэжил дээшлүүлэн суралцаж байгаа юм. Д.Пүрэвжав Монложистик Ворлдвайд олон улсын тээвэр жуулчлалын компанид хэвлэлийн төлөөлөгч хийж байгаа гэнэ. Энэ мэтчилэн эл ангийг төгссөн хүүхдүүд өдгөө өөр өөрсдийн чиглэлд байр сууриа олж явна. Нэг анги болон ижилдэн дасч, ээнэгшин дотносч энэхэн буурал замбуулинд эзэмшсэн мэргэжилдээ эзэн болохын сайхныг тод томруунаар харуулсаар явна. Хуанлын хуудас намрын навчистай сэрчигнэн эргэсээр 11 дэх намартайгаа золгожээ. Төгсөлтийн 15 дахь жилийн ойгоо нижгэр тэмдэглэцгээе гэж зочин ангийн маань төгсөгч П.Шүр-Эрдэнэ ангийнхандаа уриалсныг энэ дашрамд сонордуулъя.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Болдбаатар: Үндсэн хууль батлахад Ж.Цэвээн хөрөнгөтний либерал байр суурь баримталж байсан

Анхдугаар үндсэн хуулиа баталж БНМАУ-аа тунхагласан түүхэн өдрийг тохиолдуулан МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш доктор, дэд профессор Чунтын Болдбаатартай ярилцлаа.


Анхдугаар үндсэн хуулиа баталж БНМАУ-аа тунхагласан энэхүү түүхэн өдрийн талаар тантай ярилцах гэсэн юм. Эрдэмтэн судлаач хүний хувьд уг үйл явдлын үнэ цэнийн тухай ярихгүй юу?

БНМАУ-ын анхдугаар Их Хурлаас Үндсэн хуулийг хэлэлцэн баталсан. 1924 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Улсын анхдугаар Их Хурал Нийслэл Хүрээнээ нээгдэв. Олон аймаг, хошуу, шавиас сонгогдсон нийт 90 төлөөлөгчөөс 77 нь хүрэлцэн ирж оролцсон байдаг. Тухайн үедээ Их Хурал Улаанбаатар зочид буудлын буурин дээр байсан хоёр давхар байшинд хуралдаж байсан гэдэг. Улсын их хурлын төлөөлөгч Бавуугийн дурссанаар төлөөлөгчдийн зүүн энгэр дээр улаан пансаар зангидсан цэцэг хадаж өгсөн. Энэ нь Улсын их хурлын төлөөлөгчдийн таних тэмдэг байжээ. Тэр үед одоогийнхтой адил түшлэгтэй сандал байгаагүй, урт урт бандан сандал дээр сууж хуралдсан гэж түүхэн сударт өгүүлжээ. 1924 оны арваннэгдүгээр сарын 25-нд Үндсэн хуулийн төслийг Улсын их хурлаар хэлэлцэж Ерөнхий сайд, Үндсэн хууль боловсруулах комиссын дарга Б.Цэрэндорж Үндсэн хуулийн тухай товч үг хэлж, хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Үндсэн хуулийн төслийг хэлэлцэхэд олон төлөөлөгчид идэвхтэй оролцож асуулт асууж, үг хэлж байжээ. Тухайлбал, хожим Ардыг Гэгээрүүлэх яамны сайд болсон төлөөлөгч Гонжоон “Нөхдөө Үндсэн хуулийг батлахыг бүү яар, сайтар хянаж тогтоох ажаамуй” гэж байснаас үзэхэд нэлээд нухацтай ярилцаж хэлэлцсэн байдаг. Ингээд төлөөлөгч Цэдэн-Ишийн саналаар Үндсэн хуулийг маргааш нь хэлэлцэхээр болсон байдаг юм билээ. Арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 12:00 цагт Улсын Их хурлын хуралдааныг нээж Үндсэн хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн. Хурлын тэмдэглэлээс харахад гишүүд асуулт асууж, Цэрэндорж гуай голлон хариулж зүйл дараалан хэлэлцсэн байдаг. Ингэхдээ Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын бусад гишүүд Элбэгдорж Ринчино, Турар Рыскулов нар бас асуултад хариулж оролцсон. Ингээд төлөөлөгчдийн саналаар зарим нэг өөрчлөлтийг тусгаж Үндсэн хуулийг баталсан. Сонирхуулж хэлэхэд Дашдоржийн Нацагдорж Үндсэн хуулийн эхийг бичих хэргийг гардаж байжээ. Тиймээс нь энэ үйл явдалд биечлэн оролцсон хүний хувиар энэхүү үйл явдлыг “үзэгдээгүй сонин гайхамшигт явдал болж, олон түмний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн” гэж бичсэн байдаг. Үндсэн хуулийг хэлэлцэн батласан явдалд Коминтерний төлөөлөгч Турар Рыскулов баяр хүргэж “эдүгээ нэгэнт улсын Үндсэн хуулийг баталсан нь Монгол Улс чухам бат нот тулгаар баттайяа тогтож бүрэн эрхт улс болох замд зорино” гэж дүгнэн хэлсэн байдаг. Харин таны асуусан БНМАУ-ын анхны Үндсэн хууль гэдгийг тухайд би судлаачийн хувьд арай өөр байр суурьтай байдаг. Энэхүү хуулийг би анхны Үндсэн хууль гэж үздэггүй.

-Яагаад анхных биш гэж?

-Манай Үндсэн хуулийн төслийг боловсруулсан үйл явцыг ажиглавал хоёр үе шаттай байсан юм шиг санагддаг. Нэгд, Англи маягийн Үндсэн хуулийн системийн орж ирсэн үе, хоёр дахь нь бичигдмэл Үндсэн хуулийн системтэй болсон үе. Англид бичигдмэл Үндсэн хууль гэж байхгүй, Үндсэн хуулийн систем нь хэд хэдэн хуулиас бүрддэг онцлогтой. 1921 оны арваннэгдүгээр сарын 1-нд батлагдсан Тангарагийн гэрээ бол Богд хаан, Ардын Засгийн газрын хоорондын харилцааг зохицуулсан баримт бичиг. Энэ баримт бичгийг манай зарим судлаач Үндсэн хуулийн чанартай акт гэж үзсэн байдаг. Бүр 1967 онд С.Жалан-Аажав гуай өөрийн бүтээлдээ энэ санааг тусгасан. Тангарагийн гэрээг боловсруулсан хүнийг Д.Бодоо гэж үздэг. Д.Бодоо Английн төрийн тогтолцоог нэлээд ултай судалж байсан шиг байгаа юм. Түүний нэг захидалд “Бид Англи улсыг өмнөх толь болгон ухваас зохино” гэж тэмдэглэсэн байдаг. Үүнээс үндэслэн Д.Бодоогийн төлөвлөж байснаар “Тангарагийн гэрээ” бичиг нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэг хэсэг болох, улмаар үүнээс хойш батлагдах бусад хуулийн хамтаар цогц Үндсэн хууль болох байжээ гэж дүгнэж болохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл Англи маягийн хэд хэдэн хуулиас бүрдсэн Үндсэн хуулийн системтэй болохыг зорьж төлөвлөж байсан гэж дүгнэж болохоор байгаа юм.

Улсын анхдугаар их хурлын төлөөлөгчид, Нийслэл хүрээ, 1924 он

-Түрүүнд таны дурдсан Т.Рыскуловыг манай Үндсэн хуулийг боловсруулахад голлох нөлөөтэй оролцсон хүн гэдэг. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Т.Рыскулов 1924 оны аравдугаар сард Нийслэл Хүрээнд ирсэн Коминтерний төлөөлөгч хүн. Түүнийг ирсний дараа Үндсэн хуулийн төслийг боловсруулах үйл явц хурдассан. 1924 оны аравдугаар сарын 24-нд Засгийн газрын хурлаар Үндсэн хуулийн төсөл боловсруулан комиссыг Б.Цэрэндорж, Ж.Цэвээн, Э.Ринчино, П.Всесвятский, Б.Гомбо нарын бүрэлдэхүүнтэй баталж, өөр боловсронгуй хүнийг авч ажиллуулахыг зөвшөөрч, Үндсэн хуулийг гурван долоо хоногийн дотор боловсруулахыг даалгасан. Комисс маш богино хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг боловсруулсан байдаг. Т.Рыскулов арваннэгдүгээр сарын 2-ны өдөр төв рүүгээ илгээсэн захидалдаа Цэрэндорж Үндсэн хуулийн төслийг баталсан төв комиссын хуралдаан дээр Үндсэн хуулийн талаар миний боловсруулсан төслийг бараг бүхэлд нь хүлээн авсан гээд тэрхүү төслөө хавсарган явуулсан байдаг. Үүнээс үзэхэд Т.Рыскулов манай Үндсэн хуулийн төслийг боловсруулахад голлон оролцсон нь харагддаг.

Яг энэ Үндсэн хуулийг зөвшилцөж байх үеэр Бүх цэргийн жанжин Солийн Данзанг буудан хөнөөсөн байдаг. Энэ талаар ярихгүй юу?

-Дээрх үйл явдлаас гурван сарын өмнө МАН-ын гуравдугаар их хурал болсон. Энэ үед Ринчинов, Солийн Данзан хоёр хоорондоо зөрчилдсөн. Э.Ринчинов Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүдийг турхирч, тэр хурлаас Данзанг баривчилж буудсан байдаг. Данзан бид зөвлөлт холбоот улсад бялдуучилсан байдал гаргаж болохгүй. Бид өөрөө өөрсдийнхөө толгойгоор явах ёстой гэсэн ийм үзэл бодлыг баримталж байсныхаа төлөө алагдсан хүн байхгүй юу. Тэгэхээр өөрөө өөрсдийгөө мэдэх гэсэн үйл явц үндсэндээ монголчуудын оросуудад дарлагдах, золиос болох тэр нөхцөл рүү түлхсэн. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн үзэл бодолтой Монголын сэхээтнүүдийг хэлмэгдүүлэх уг үндэс 1922 оноос эхэлсэн. Бодоог заазалснаас эхлээд гэсэн үг.

-Үндсэн хууль боловсруулах явцад улс төрийн өөр үзэл бодолтой хэсэг бүлэг байсан уу?

-Үндсэн хуулийн төслийг боловсруулах үйл явц бүр 1921 оноос эхтэй. 1924 он хүртэлх хугацаанд монголчууд нэлээд ч зүйлийг бэлтгэсэн. Нөгөөтэйгүүр өөрсдийн эрх ашиг, санал бодлоо тусгахаар оролдсон нь лавтай. Үндсэн хуулийн комиссын хуралдаан дээр Ж.Цэвээн зөвлөлт маягийн төрийн байгууллыг тулган хүлээлгэх Коминтерний бодлогыг эсэргүүцэж, Монголд онцгой маягийн Үндсэн хууль байх хэрэгтэй юу, Үндсэн хуульгүй улс орон ч байдаг гэж зүтгэж байсан байдаг. Рыскуловын захидалд тэмдэглэснээр Цэвээнийг хөрөнгөтний либерал байр суурь баримталж байсан гэж матсан байдаг. Тэгэхээр монголчууд өөрсдийн эрх ашгаа хамгаалахаар оролдож байсан гэдэг нь тодорхой.

-1924 оны Үндсэн хуулийг маш богино хугацаанд боловсруулсан гэлээ. Энэ нь ямар учир шалтгаантай вэ?

-Би түрүүнд дурдсан. 1924 оны аравдугаар сарын 24-д Үндсэн хуулийн төсөл боловсруулах комисс байгуулсан. Анхдугаар Их Хурал арваннэгдүгээр сарын 8-нд нээгдсэн. Тэгэхээр маш богино хугацаанд Үндсэн хуулийн төслийг боловсруулсан нь тодорхой харагдана. Шалтгаалах юу байхав цаг хугацаанд шахагдсан байх.

-Тэгэхээр Үндсэн хуулиа баталж, Улсаа тунхаглана гэдэг нь чухал түүхэн өдөр байдаг. Энэ түүхт өдрийн түүхэн үнэ цэнэ нь чухам тэгээд юу юм?

-Манай улс хоёр мянга гаруй жилийн төрт ёсны түүхтэй улс. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд монголчууд Богд гэгээнээ хаан ширээнд өргөмжилж тусгаар улс гэрээ сэргээн тунхагласан. Өөрөөр хэлбэл манай улс хаант засаглалтай байсан гэсэн үг. 1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласан. Бүгд найрамдах засаглалын мөн чанар нь иргэд төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагаа сонгож байгуулдаг явдал байдаг. Сонгууль бол бүгд найрамдах засаглалын амин сүнс гэсэн үг. Засаглалын энэ хэлбэрийг сонгож авснаа баталгаажуулж Үндсэн хуулиндаа зааж өгч баталсан нь энэ түүхт өдрийн гол агуулга байгаа юм.

-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тэмдэглэдэг болсноор хэдэн жилийн өмнө энэ түүхт баярын өдрийг бүх нийтийн тэмдэглэлт өдрөөс хасчихсан. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр бол Монгол Улсын тусгаар тогтносон өдөр, харин арваннэгдүгээр сарын 26 бол Монгол Улс хаант засаглалаас сонгож байгуулдаг засаглал уруу шилжсэн өдөр. Мэдээж хамгийн гол зүйл Тусгаар тогтнол. Улс тусгаар тогтнож байж дараа дараагийн асуудал хөндөгдөнө. арваннэгдүгээр сарын 26 монголчуудын тэмдэглэх ёстой баяр мөн үү гэвэл мөн. Гэхдээ энд нэг зүйлийг тэмдэглэхэд түүхэн нэг үйл явдлыг нөгөө үйл явдлынх нь эсрэг сөргүүлж тавьж болохгүй. Харин эрэмбэлэх учиртай. Манай улс төрийн намууд түүхэн үйл явдлыг хувьчилдаг. Энэ нь их сөрөг үр дагавартай. Түүхийг хэн ч өмчлөх ёсгүй. Энэ бол монголчуудын бидний түүхэн тэмдэглэлт баяр болохоос биш аль нэг нам юм уу, улс төрийн хүчний баяр биш. Үүнийг бид ойлгох ёстой.


Categories
мэдээ нийгэм

Валютын ханш өсөж, түлш шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар энэ он гарснаас хойш дизель түлшний үнэ 451 төгрөгөөр, АИ-92 бензиний үнэ 432 төгрөгөөр, АИ-95 бензин 414 төгрөгөөр тус тус нэмэгджээ. Өнгөрөгч зургадугаар сарын 1-нд АИ-92 бензин 1680 төгрөг байсан. Харин өдгөө 100 айл худалдааны төв дэх “Петровис”-ын салбарт АИ-92 бензин 1985 төгрөг болж нэмэгдээд байгаа юм. Түүнчлэн дизель түлш 2385 төгрөг, АИ-95 бензиний үнэ 2345 төгрөг байна. Хөдөө орон нутгийн “Петровис”-ын салбарт АИ-92 бензин 2200 төгрөгт хүрчээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Петровис”-ын шатахуун түгээгүүрийн газарт энэ сарын 3-ны байдлаар АИ-92 бензиний үнэ 1920 байсан бол өчигдөр 2000 төгрөг болж нэмэгдсэн байна.

100 айл худалдааны төв дэх “Петровис”-ын салбарт очиход “Sonata 5” маркийн машин түрж харагдах Т.Мөнгөнхүлэг гэх залуутай таарав. Машиных нь бензин дуусч ийнхүү шатахуун түгээх газар бараадсан гэнэ. Тэрээр “Би хувийн такси үйлчилгээ эрхэлж өдрийн орлогоо олдог хүн. Харин одоо таксинд явж амьжиргаагаа залгуулна гэж байхгүй боллоо. Миний автомашин 100 км-т 12-13 литр бензин зарцуулдаг. Ер нь шатахууны үнийг төр засгаас барих хэрэгтэй гэж боддог. Иргэн хүнийхээ хувьд төр засаг дутуу ажиллаад байна уу гэж харж байна” гэсэн юм. Ийнхүү бензиний үнэ нэмэгдэж буйтай зэрэгцэн валютын ханш ч өссөөр байна. Тодруулбал, өчигдөр 15:00 цагийн байдлаар “Найман шарга” валютын зах дээр ам.долларын ханш 2568 төгрөг болжээ. Энэ нь өнгөрсөн зургадугаар сарын 1-ний өдрөөс 158 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг юм.

“Алтан тариа” компанийн гурил 60-250 төгрөгөөр нэмэгдсэн байна

Шатахуун, валютын үнэ өсч буй энэ үед өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаад байна. Манай сурвалжлах баг хүнсний томоохон худалдааны төвүүд дээр очиж энэ талаар сурвалжиллаа. “Хүчит шонхор” худалдааны төвд өчигдөр өглөөний 11:00 цагт очиход худалдан авагчгүй хоосон орчин угтав. Гурил, будааны төрөлжсөн лангуун дээр очиж худалдагч Т.Батцэцэгтэй ярилцлаа.

-Танай лангуунд ирж байгаа гурилын үнэ хэр нэмэгдсэн бэ?

-Өнгөрсөн долоо хоногт “Алтан тариа”, “Улаанбаатар” компаниудын гурилын үнэ нэмэгдэж ирсэн. “Алтан тариа” гэхэд нэг кг нь 60-250 төгрөгөөр нэмэгдсэн. “Алтан тариа” дээд гурилын 25 кг нь үйлдвэрээсээ 27750 төгрөгөөр ирдэг байсан бол одоо 29250 төгрөгөөр ирж байна. Нэгдүгээр гурил нь нэг кг нь зуун төгрөгөөр нэмэгдсэн. Дээдийн дээд нь 250 төгрөгөөр нэмэгдчихээд байна. Түүнчлэн “Улаанбаатар” дээд гурил нэг кг нь 100 төгрөгөөр нэмэгдэж ирсэн. Нэмэгдээгүй гурил гэхэд 30 мянган төгрөгийн үнэтэй байна даа. Намайг энд долоон жилийн өмнө анх худалдагчаар ирж байхад 25 кг-ын гурил 10 мянган төгрөгийн үнэтэй байсан.

-Гурилын үнэ яагаад нэмэгдээд байна вэ?

-Мэдэх юм алга. Бензиний үнийн нэмэгдэлтэй холбоотой юм болов уу гэж бодож байна. Тэрнээс бид нар нэмээд байгаа юм биш. Цаанаасаа нэмэгдэж ирээд байна. Бид лангуу түрээсийн мөнгө, бараа зөөгч хөлсөлнө гээд зарлага ихтэй байдаг. Нэг шуудай гурил дээр 1000 төгрөг л нэмж зарж байна гэв.

Өнгөрсөн зургадугаар сарын 1-нд “Алтан тариа” дээдийн дээд гурил 25 кг нь 40000 төгрөгийн үнэтэй байжээ. Харин өдгөө 5000 төгрөгөөр нэмэгдсэн байна. “Бөмбөгөр” худалдааны төвд “Алтан тариа” дээдийн дээд гурил 45000 төгрөгийн үнэтэй байна. “Алтан тариа” дээд гурил нь өнгөрөгч зургадугаар сарын 1-нд кг нь 1350 төгрөг байсан бол одоо кг нь 50 төгрөгөөр нэмэгдэж 25 кг дээд гурил 31500 төгрөгийн үнэтэй болжээ. Нарантуул худалдааны төвд ч мөн энэ сарын 1-нээс эхлэн “Алтан тариа”, “Улаанбаатар” компанийн гурил 50-250 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Хоолныхоо шөлөнд өнгө оруулдаг юм уу гээд л яс түүгээд зогсож байнагэв

“Нарантуул-2” худалдааны төвийн мах худалддаг лангуун дээр бид очлоо. Тус зах дээр хонины ястай мах нэг кг нь 5200 төгрөг, хонины цул мах 6300, адууны цул мах 5800, адууны ястай мах 5500, үхрийн ястай мах 6500, үхрийн цул мах нэг кг нь 6800 төгрөгийн үнэтэй байна. Эндхийн мах бэлтгэлийн төвд хонины гулууз мах кг нь 3800-4200 төгрөг, үхрийн гулууз мах кг нь 5200 төгрөгийн үнэтэй ирдэг аж. Энэ талаар “Нарантуул-2” худалдааны төвийн худалдагч Б.Ганбаяр “Махны үнэ хэвийн түвшинд байгаа. Яагаад гэвэл хятад ченжүүд мах ихээр худалдан авч байна. Гэхдээ махны үнэ өвөл болохоор өсчихдөг. Идэш тэжээлийн цаг болохоор тэгдэг байх. Махны үнэ өдөр бүр л хэлбэлзэж байдаг шүү дээ. Манай найз “Хүчит шонхор”-т хонины гулууз мах зардаг. Өнөөдөр гэхэд тэр хонины гулууз махаа кг нь 4500-4600 төгрөгийн үнэтэй зарж байна. Хоёр хоногийн өмнө намайг очиход 4100 төгрөгөөр зарж байсан” гэлээ. Харин “Хүчит шонхор” худалдааны төвийн махны үнэ “Нарантуул-2” худалдааны төвтэй ойролцоо байна. Тодруулбал, хонины ястай мах кг нь 5500 төгрөг, хонины цул мах 6100 төгрөг, адууны мах 5800, үхрийн ястай мах 6000, үхрийн цул мах 6500 төгрөгийн үнэтэй байна. Харин “Бөмбөгөр” худалдааны төв дээр махны үнэ харьцангуй өндөр байлаа. Тодруулбал, хонины ястай мах 6500, хонины цул мах 6800, адууны ястай мах 7000, адууны цул мах 7500, үхрийн ястай мах 8000, үхрийн цул мах 9000 төгрөг байна.

Манай сурвалжлах баг “Нарантуул-2” худалдааны төвийн мах бэлтгэлийн цехт очсон юм. Тэнд шулсан махны ясыг түүж шуудайлж буй Р.Буяндэлгэртэй таарлаа. Тэрээр махтай харагдах яснуудыг шуудайлан зогсож байв. Түүнтэй энэ талаар ярилцлаа.

-Та энэ ясыг юунд хэрэглэдэг вэ?

-Хүнсэндээ хэрэглэдэг. Махны үнэ тэнгэрт хадаж манай гэрийнхэн туйлдаад байна. Хоолныхоо шөлөнд өнгө оруулдаг юм уу гээд л яс түүгээд зогсож байна. Би нэг компанид цэвэрлэгч хийдэг. Сарын 300 мянган төгрөгийн цалинтай. Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөөд гар дээр 250 мянган төгрөг л авдаг. Өвөл ирж байна. Нүүрсний үнэ тэнгэрт хадчихлаа. Тиймээс мах авах мөнгөгүй болчихсон. Хүнсний ногооны үнэ хямдхан байгаа болохоор шулсан ястай буцалгаад идчихдэг. Энэ яснуудыг эндхийн худалдагчид кг-ийг нь 500 төгрөгөөр зардаг.

-Тэгэхээр эндээс яс авахыг хориглодог хэрэг үү?

-Тийм ээ. Намайг эндээс яс авч байхыг харчих юм бол хөөж туух байх. Гэхдээ зарим худалдагч хайрцагт хэдэн яс хийгээд гаргаж ирж өгдөг шүү. Манай улс дэлхийд хамгийн олон малтай гэдэг шүү дээ. Махны үнэ яагаад хямдардаггүй юм бол гэж боддог.

-Танайх ам бүл хэдүүлээ вэ. Танаас өөр ажил хийдэг хүн байгаа юу?

-Манайх ам бүл дөрвүүлээ. Нөхөр өнгөрөөд гурван жил болж байна. Хүүхдүүд маань цэцэрлэг сургуульд явдаг. Хамгийн бага нь таван настай. Том нь тавдугаар анги гэв.

Ард иргэд ийнхүү туйлдаж байхад талхны үнэ нэмэгджээ. Өнгөрөгч зургадугаар сарын 1-нд “Атар” талхны үнэ 100 төгрөгөөр, “Мишээл” хэрчсэн талхны үнэ 200 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. “Хүчит шонхор” худалдааны төвд цагаан будаа нэг кг нь 2500 төгрөгийн үнэтэй борлуулагдаж байна. Харин хүүхдийн будаа 1490 төгрөг болжээ. Өндөг ширхэг нь 290-320 төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин өнгөрөгч зургадугаар сарын 1-ний байдлаар 250 төгрөг байсан гэнэ. Харин задгай сүү литр нь 1900 төгрөгийн үнэтэй байна.

Б.АМАРТҮВШИН