Categories
мэдээ цаг-үе

Г.Занданшатар: Гүйцэтгэх Засаглал ажлаа хийж чадахгүй байна. Бүх ажлыг нь УИХ зогсоогоод байна

УИХ-ын гишүүн Г.Занданшатартай ярилцлаа.

-Та анхдугаар чуулганы үеэр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүлгэм байгуулах санаачилга гаргасан. Яагаад ийм санаачилга гаргасан бэ. Одоо ямар шатандаа явж байгаа вэ?

Тэр үед би хожим хойно маш том зөрчил бий болгоно шүү гэж хэлж байсан” хэмээн ярьж байлаа. Мөн тухайн үед Чимид гуай ч хэлж байсан юм билээ. “Энэ Үндсэн хууль тогтсон нийгмийг бататгах тухай биш шинэ нийгмийн үндсийг тавьж буй хууль” гэсэн байдаг. Энэ жил Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой болж байгаа. Чимид агсан хууль батлагдсаны 15 жилийн ойн хурал дээр бас нэг зүйл хэлсэн байдаг. “Үндсэн хуулийг хэрэгжүүлэхгүй, хэрэглэхгүй байвал хэлбэрийн хууль болно. Тиймээс хэрэгжүүлж буй практикийг нь авч үзэх нь Үндсэн хуулийн эрхзүйн судалгааны маш чухал шаардлага байдаг” гэсэн. Тиймээс бид Үндсэн хуулийн хэрэгжилтийн талаар хууль, эрхзүйн судалгаа хийж байгаа. Энэ хүрээнд ажиглаж байхад Үндсэн хууль хэрэгжихгүй, хэрэглэхгүй байхаар хуулийн заалтууд олон болсон байна. Хэлбэрийн төдий хэрэгжиж байгаа дээр жишээ хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д тайлангаа тавина гэдэг. Гэтэл ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч УИХ-д тайлан тавих уу, ард түмэндээ тайлагнах уу гэхчилэн зөрчилдөөнтэй асуудлууд олон бий. Тиймээс энэ олон асуудлыг нэг мөр болгох хэрэгтэй.

-Бүлгэм байгуулчихвал Үндсэн хуулийн өөрчлөлтийг юунаас эхлэх вэ?

-Таван эрх мэдлийн тогтолцоог санал болгож байгаа. Азийн онцлогт тохирсон тогтолцоо л доо. Энэ тогтолцоог агуулга, соёлоор нь авч хэрэглэсэн улс гэвэл Солонгос, Япон.Үндсэн хуулийн таван эрх мэдлийн загварыг шууд хэрэгжүүлсэн гэвэл Тайвань, Сингапур, Хонгконг, БНХАУ. Энэ улсуудын эдийн засаг хамгийн хурдацтай хөгжиж буйг Үндсэн хуулийн нэмэлт хоёр эрх мэдэлтэй холбоотой гэж үздэг. Үүнд нэгдүгээрт, сонгон шалгаруулалтаар бүрдсэн тогтвортой, мэргэшсэн төрийн албаны засаглал, түүнийг дагасан тогтвортой хөгжлийн бодлого. Хоёрдугаарт, хараат бус хууль хяналт шалгалтын засаглал, түүнийг дагасан хуулийн засаглал, хууль дээдлэх зарчим юм. Тиймээс Үндсэн хуулийн таван эрх мэдлийн тогтолцоог хэрэгжүүлэх нь манайд улсад тохирно гэж би үздэг.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар үе үеийн парламент ярьж л байдаг. Гэвч сүүлийн хэдэн жил “гар хүрээгүй” л байна. Ирэх дөрвөн жилд өөрчилж амжих уу?

-Ер нь бол өнөөдрийн санхүү, эдийн засаг, өрийн хямрал нь тодорхой хэмжээгээр тогтолцоотой холбоотой.

Тогтолцооны хямралтай болчихсон байна. Гүйцэтгэх засаглалын эрх мэдэл хязгаарлагдмал байгаа. Энийг дагаад хариуцлага нь ч гэсэн хязгаарлагдмал. Ерөнхийлөгч, Гүйцэтгэх засаглал, парламентын эрх мэдэл, шүүх эрх мэдлийн хуваарилалт тэнцвэр алдагдсан байна. Тэгсэн мөртлөө парламентын үндсэн үүрэг болох хянан шалгах эрх мэдэл хязгаарлагдмал байгаа. Энэ олон гажуудал манай улсын засаглалын тогтолцоонд бий болчихсон байна.

-Тогтолцоогоо өөрчилье гэж яриад байгаа л даа.Олон өөрчлөлт нэг дор хийж чадах уу?

-Үндсэн хуулийн нөөц боломж шавхагдаагүй. Иймд бүтэн том хэмжээгээр өөрчлөх шаардлага байхгүй гэж үзнэ.Үндсэн хуулийн өөрчлөлтийг дордуулсан гээд байдаг долоон өөрчлөлтөөс эхлэх ёстой гэж үзнэ. Парламентын хянан шалгах эрх мэдлийг өргөжүүлэхийн зэрэгцээ гүйцэтгэх засаглалын гүйцэтгэх эрх мэдлийг өргөжүүлмээр байна. Өнөөдөр гүйцэтгэх засаглал гүйцэтгэх ажлаа хийж чадахгүй байгаа. Бүх зүйлд УИХ оролцож ажлыг нь зогсоогоод байдаг. Таван толгойгоос эхлээд олон том төсөл, хөтөлбөрийг зогсоосон. Үүнээс болж эдийн засгийн бодлого хэрэгжихгүй байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж институцигүй механизм болчихсон байна. Ер нь нэлээн замбараагүй тогтолцоо руу орчихлоо. Эдийн засгийн хямралын гол шалтгаан нь буруу засаглалын тогтолцоо гэж харж байгаа.

-Тэгвэл бидэнд ямар гарц харагдаж байгаа вэ. Тогтолцоогоо богино хугацаанд өөрчилж чадах уу?

-Урт хугацаандаа засаглал сайжруулахаас өөр аргагүй.Сайжруулахын тулд хууль дээдлэх ёс зарчим, хуулийн дор бүгд эрх тэгштэй байх, нийтээрээ дагаж мөрддөг хүчтэй хуулийн засаглал, тогтвортой мэргэшсэн төрийн албыг бэхжүүлэх хэрэгтэй. Үүний тулд таван эрх мэдлийн тогтолцооны хяналт, шалгалтыг Үндсэн хуулийн гол эрх мэдэл болгож улс төрөөс болон аливаа бүлэглэлээс хараат бус болгох нь чухал.

Нөгөө талаас прокурор, шүүх эрх мэдлээс эхлээд багш, эмч зэрэг төрийн албыг меритократ, цэвэр сонгон шалгаруулалтын засаглалтай болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төрийн албаны дээд түвшинд ажиллах гэж байгаа бол анхан шатнаас нь авахуулаад бүх шатанд ажиллаж үзэх хэрэгтэй. Төрийн албыг 20 давхар байшинтай зүйрлэвэл давхар бүрт нь тодорхой хугацаанд ажилласан байх шаардлага тавьдаг болох хэрэгтэй. Тэр хугацаанд ёс зүй болон хуулийн зөрчил гаргаагүй, үр бүтээлтэй ажиллаж байсан бол төрийн өндөр дээд албан тушаалд ажиллуулдаг зарчим юм. Тэгэхгүй бол өнөөдөр бараг тэр салбарт ажиллаж үзээгүй нэг хүн гарч ирээд салбараа удирдаад явж байх жишээтэй. Бусад давхрынхаа амьдралыг мэдэхгүй, цахилгаан шатаар өгсдөг хүн олон. Төрийн алба хүчтэй, тогтвортой, чадавхитай ажиллавал бодлого нь мэргэжлийн болж ирнэ. Ингэж байж улс орон хөгжинө.Би Азийн улсуудын хөгжлийн загварыг харьцуулж үзээд энэ тогтолцоог хамгийн зөв гэж үзсэн. Бүр академик судалгааны үр дүнд нотолсон юм.

-Үндсэн хуулийг өөрчлөх бүлгэмд ямар, ямар хүн орох бол?

-Анхны Үндсэн хуулийг батлан гарахаас эхлээд бүхий л процессын үеэр ажилласан, УИХ-д найман удаа сонгогдож ажилласан Д.Лүндээжанцан гишүүн манлайлж ажиллах байх. Маш олон гишүүн энэ талаар санаачилгатай ажиллаж байгааг л онцлон тэмдэглэх байна.

-УИХ-ын дарга БНХАУ-д айлчлаад ирсэн. Тэр үеэр урт хугацаатай, хүү багатай зээл хүссэн. Ер нь манай улсын ойрын хөрш орнууд Монголын эдийн засгийн асуудалд ямар бодлого баримталж байгаа вэ?

-Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал туйлын амаргүй нөхцөлд байгаа гэдгийг хүн бүр ярьж, мэдэж байгаа. Төсвийн тэнцэл, төлбөрийн тэнцэл хос алдагдалтай байгаа нь макро эдийн засгийн суурь тэнцвэрүүдийг яаралтай сайжруулахгүй тохиолдолд эдийн засгийн нөхцөл байдал улам хүндрэх, хямрал цаашид гүнзгийрэхийг анхааруулж байна. Манай улсын эдийн засгийн гол асуудал өрийн тогтвортой байдал, банкны системийн тогтвортой хөгжил, төсвийн алдагдал, төсвийн шинэчлэл, сахилга батыг бэхжүүлэх асуудал болчихоод байгаа. Монголчууд бид ингэж л өөрсдөө л хямралаас гарахаас биш хэн нэгэн хүн биднийг асуудлаас гаргахгүй.Бидний аврал бид өөрсдөө. Бас дайсан нь ч өөрсдөө. Монголчууд өөрөө өөртэйгөө барилдаад ойчдог бөх шиг байж болохгүй. Монгол Улс тусгаар тогтнол, язгуур эрх ашгаа дээдлэн хөрш орнуудынхаа язгуур эрх ашгийг хүндэтгэн, элэгсэг дотно, итгэлцлийг бэхжүүлсэн, харилцан ойлголцсон, харилцан үр ашигтай харилцаагаа улам бэхжүүлэн хөгжүүлэх нь хямралыг даван туулахад онцгой чухал ач холбогдолтой.

-Гадаад улс орнуудад манай улсын үнэлэмж ямархуу хэмжээнд байгаа вэ?

-Нэгдүгээрт, бид “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй. Үүнд хамрагдахын тулд даацтай шинэчлэлийг өөрсдөө эхлүүлэх ёстой. Гадаад валютын улсын нөөц хангалтгүй, гадаад төлбөрийн чадвар сул байгаа энэ үед дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ доогуур, гадаад зах зээл дэх эрэлт бага хэвээр цаашид үргэлжилбэл олон улсын зах зээлд Засгийн газрын гаргасан үнэт цаасны үндсэн төлбөрийг ирэх онуудад төлөхөд хүндрэл үүсч болзошгүй юм.

Төсвийн сахилга батыг чангатгаж эдийн засгийн хувьд мэргэжлийн, тогтвортой, зөв болгох хэрэгтэй. Төсвийн сахилга батыг бэхжүүлэх, хуулийг ягштал дагаж мөрддөг байх шаардлага бидэнд тулгарч байна. Ер нь багцлаад үзвэл макро эдийн засгийн үзүүлэлт, төсвийн алдагдлыг сайжруулахын тулд реформ хийх зайлшгүй хэрэгтэй. Төсвийн орлого, бааз суурийг нэмэгдүүлэх эрс шинэчилсэн бодлого явуулмаар байна. Үүнтэй холбогдуулаад валютын ханшийн тогтвортой байдал, нөөцийн асуудал гарч ирнэ. Экспортыг дэмжих эдийн засгийн тэнцвэрийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх хэрэгтэй болж байна. Мөн өрийн тогтвортой байдлын харьцааг 88 хувиар баталсан. Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2013-2015 онд байнга алдагдалтай гарсан. Одоогийн байдлаар гадаад валютын нийт албан нөөцийн хэмжээ 1.3 тэрбум ам.долларт хүрч буураад байна.

-Засгийн газрын зүгээс эдийн засгийг сайжруулах богино хугацааны тусгай хөтөлбөр боловсруулж байна. Үүнд ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Эдийн засгийн өсөлт 2011 онд 17 хувьд хүрч байсан. Сүүлийн жилүүдэд тасралтгүй буурсаар 2016 оны эхний хагас жилийн байдлаар 1.4 хувь болж суларлаа. Энэ нь ажилгүйдлийн түвшин өндөр байх, хүн амын амьжиргааны түвшин буурах, ядуурлын хэмжээ нэмэгдэх, ДНБ-д эзлэх өрийн хэмжээ өсөх зэрэгт нөлөөлж байна. Ажилгүйдэл 36 хувиар өсч, ажилгүйдлийн түвшин 10.4 хувьд хүрээд байгаа нь эдийн засаг дахь нийт эрэлт хумигдах, банкны зээлийн чанар муудах үндсэн шалтгаан болж байна. Банкны зээлийн чанар муудах нь эдийн засгийн агшилтыг нөхцөлдүүлж байна. Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийн төслийг боловсруулсан.Хөтөлбөр нь нэгдүгээрт, макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, хоёрдугаарт, дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратегитэй бөгөөд энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна лээ.

-Хэрэгжүүлж чадах болов уу. Засгийн газрын оруулж ирсэн санал санаачилга, төсөл хөтөлбөрийг УИХ унагаад байгаа биз дээ?

-Ер нь хөтөлбөр бодлого гэдэг бол дэс дараалал. Бүгдийг зэрэг хэрэгжүүлэх боломжгүй. Бүхнийг зэрэг хийнэ гэдэг бол юу ч хийхгүй болж магадгүй л гэсэн үг. Ямар зорилтыг ямар дарааллаар хэрэгжүүлж, хэрхэн уялдуулах вэ. Байгаа нөөц боломжоо хэрхэн дайчилж, оновчтой хуваарилах вэ, хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэсэн стратеги төлөвлөгөө байх учиртай. Төсвийн орлого нэмэгдүүлэх экспортыг нэмэгдүүлэх, банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө, төсвийн сахилга батыг бэхжүүлэх асуудлууд нэн чухал шаардлага болно. Нэг үгээр хэлбэл тохиргоо уялдаа холбоог сайжруулна гэсэн үг.

-Яг өнөөдрийн эдийн засгийн онцлогийг хэрхэн харж байгаа вэ?

-Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн үнэ, бонд, зээлийн эх үүсвэрээс хамаарсан орлогын мөчлөг дагасан эмзэг бүтэцтэй. Манай нөөц боломж хязгаарлагдмал, эрсдэлийг даах хуримтлал байхгүй, дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар сул байна.Импортын хэрэглээг дэмжсэн эдийн засагтай, мөчлөг дагасан төсвийн тэлэлттэй, нийгмийн хавтгайрсан халамжтай, экспорт нь уул уурхайн салбараас 90 орчим хувийн хамааралтай болсон байна. Үүний үр дүнд сүүлийн жилүүдэд макро эдийн засгийн үндсэн тэнцвэрүүд алдагдаж, эдийн засгийн бодит өсөлт саараад байна. 2016 оны эцэст төсвийн алдагдлын хэмжээ 4.3 их наяд төгрөг болохоор байгаа нь ДНБ-ий18 хувьд хүрч, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд анх заасан хязгаарыг давахаар байгаа бөгөөд ирэх жилүүдэд Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэхээр байна. Эдийн засгийг богино хугацаанд сайжруулах төлөвлөгөө нь бодлоготой уялдсан, дэс дараатай байх учиртай.

Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Хөрөнгийн бирж, Төрийн банк зэрэг төрийн өмчит компаниудыг хувьчилна

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Ямархуу төсөв орж ирсэн бэ?

-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал амаргүй байна. Энэ үед ирэх оны төсөв, 2018, 2019 оны төсвийн хүрээний төсөөллийг өргөн барьсан. Эдгээрээс харахад ирэх жил Монгол гэдэг айл хэдэн төгрөг олох, юунд зарахаа маш нарийн төлөвлөхгүй бол болохгүй болсон дүр зураг харагдаж байгаа. Хэрэгцээтэй газраа зайлшгүй хөрөнгө мөнгө зарцуулахаас өөр илүү үйлдэл хийх боломжгүй цаг үе тулж ирлээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд авсан их хэмжээний өр, зээлийг төлөх үе болчихсон байна. Ирэх оны тавдугаар сард 580 сая ам.доллар төлнө. Оны төгсгөлд 500 сая ам.доллар төлнө. Цаашилбал, Засгийн газрын өрийн хүү, үндсэн үйлчилгээний төлбөрт зургаан их наяд гаруй төгрөг төлөх төлөвлөгөөтэй. Нэг ёсондоо Монгол Улсын бүтэн нэг жилд олдог орлогоо өр, зээлэнд өгөх ёстой болчихоод байгаа учраас хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй байна. Орлого нэмэгдүүлэх бүх боломжийг дайчлах шаардлага тулгарч байгаа. Зарлагаа тэвчиж болох хэмжээнд хүртэл танана. Засгийн газар болон УИХ-аас болж өгвөл иргэдийнхээ халаас руу орохгүй, аж ахуйн нэгждээ дарамт учруулахгүйгээр даван туулах тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа.

-Голчлон танаж буй ямар зарлага байна вэ?

-Нэгдүгээрт, бид улсын төсвийн хөрөнгөөр шинээр обьект барих ажилэхлүүлэхгүй. Хоёрдугаарт, шинээр вексел нэмж бичихгүй байя гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ өмнө нь эхлүүлчихсэн байсан дуусаагүй барилга, байгууламжаа дуусгая гэж ярьж байна. Тэгэхгүй бол олон жил дамжсан барилгууд байна. Энийг нэг талдаа гаргахгүй бол үргүй зардал болчих гээд байгаа.

-Тэгэхээр ирэх онд улсын төсвөөр бүтээн байгуулалтын ажил хийхгүй нь ээ?

-Өрийн менежмэнтээ сайжруулж хямд эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх замаар зээлийн хүүгийн зардлын өсөлтийг бууруулах, төсвийн орлогыг бодитой төсөвлөх, татварын бааз суурь нэмэгдүүлэх шинэ төсөл, хөтөлбөрийг дэмжиж ажиллана. Зарлага танах тал дээр халамжийг аль болох зорилтот бүлэг рүү чиглүүлэхээр ярилцаж байна. Мөн төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны түвшинг бууруулахгүй байя. Гэхдээ цаашид төрийн албаны үр дүнг харж байж санхүүжүүлдэг хэлбэр рүү шилжье гэж ярьж байгаа. Тэгэхгүй бол өнөөдөр төрийн албаны орон тоо, зардлыг санхүүжүүлж байна. Үнэхээр сайн ажиллаж байгаа, илүү үр дүн гаргаж буй ажилтандаа өндөр цалин өгдөг тогтолцоо руу шилжих ёстой. Тэгэхгүй нэг хэвэнд нь хавтгайруулаад байж болохгүй. Дараагийн нэг зүйл бол төрийн өмчит компаниудын үр ашгийг дээшлүүлэх асуудал яригдаж байна. Үнэхээр төрийн өмчит компаниудын хэд нь ашигтай ажиллаж байгаа вэ. 70 хувь нь алдагдалтай ажиллаж байна. Бодит байдал ийм байхад эдийн засгийн хувьд ашигтай ажиллаж байгааг нь үлдээгээд бусдыг нь хувьчилъя. Ингэж төр хэрэггүй ачаанаасаа салах ёстой. Үүнээс гадна ер нь томоохон шинэчлэл хийвэл яасан юм бэ гэх санал гишүүдээс орж ирж байна. Тухайлбал, бид эдийн засгийнхаа ерөнхий бүтэц, төрийн албаны чиг үүрэг, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байж өнөөгийн энэ буруу тогтолцооноос гарах байх. АН-ын үед ч, МАН-ын үед ч байж л байдаг 200 гаруй мянган төрийн албан хаагчтай, халамж хавтгайруулдаг эдийн засагтай, алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниа чирээд явж байдаг үрэлгэн айл болчихлоо. Энийг өөрчилж цомхон хэрнээ чадварлаг төрийн албан хаагчтай болох ёстой. Төр өөрийн хариуцаж чадах зүйлээ л хийх хэрэгтэй. Бусдыг нь хувийн хэвшил, төрийн бус байгууллагын мэдэлд зоригтойгоор шилжүүлдэг баймаар байна. Төрийн зүгээс бизнес эрхлэгчдэд үзүүлж буй хандлагаа зөв болгох гэхчилэн олон өөрчлөлт хэрэгтэй. Нэг ёсондоо бизнесийн орчинг эрүүл, зөв, дарамт шахалтгүй, цэвэр өрсөлдөөний шинжтэй болговол эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ гэж бодож байгаа.

-Улс авлагатай гэсэн. Хаа, хаанаас ямар авлага авах вэ. Авлагуудаа цуглуулбал хэдэн төгрөг төсөвт орж ирэх бол?

-1990 оноос хойш бий болсон авлагууд бий. Засгийн газраас дамжуулан зээлсэн мөртлөө эргэн төлөлт хийгээгүй олон тохиолдол байгаа. Энэ мөнгийг яаж олж авах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Улсын хэмжээнд нийтдээ хоёр гаруй их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний авлага орж ирэх ёстой. 1991 оноос Засгийн газрын шугамаар орж ирсэн гадаадын зээлийг дотоодынхонд дамжуулан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулсан. Зарим нь яамдаар, зарим нь Засгийн газрын тусгай сангаар дамжсан байдаг. Өнөөдрийн байдлаар төрийн сан дээр байгаа санхүүгийн тайлангаас аваад үзэхэд хоёр их наяд найман зуу гаруй тэрбум төгрөгийн авлага гарч ирж байна. Энэ авлагаас эхний ээлжинд буюу ирэх ондоо багтаагаад зуу гаруй тэрбум төгрөгийг барагдуулахаар төлөвлөсөн. Гэхдээ аж ахуйн нэгж нь татан буугдсан, эзэн холбогдогч нь тодорхойгүй болсон, олон жил дамжсан өр шир ч бий. Ямартай ч дээрх авлагын арван хувийг ч болтугай ирэх жилд оруулаад ирмээр байна. Өөр нэг орлого нэмэгдүүлэх арга бол байгалийн гаралтай уул уурхайн бүтээгдэхүүний биет хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг тавих ёстой. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний ханш өсөх хандлага байна. Мөн татварын бааз суурийг нэмэгдүүлэх, томоохон төсөл хөтөлбөрийг эхлүүлэх байдлаар улсын төсвийн орлогыг нэмэгдүүлнэ. Төрийн өмчийн томоохон обьектуудыг хувьчлах байдлаар төсөвт 110 тэрбум төгрөг олох байх.

-Ямар обьект хувьчлахаар төлөвлөж байна вэ?

-Хөрөнгийн бирж, Төрийн банк, Оргил рашаан сувилал гэхчилэн нэлээн олон аж ахуйн нэгжийн асуудал яригдаж байгаа. Эдгээр байгууллагын үйл ажиллагааг зөв хэлбэрт оруулж явуулах зайлшгүй шаардлагатай.

-Та түрүүн гадаад зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа гэлээ. Гэтэл бид маш хямд үнээр нүүрсээ зарж байна. Энэ үнийг өсгөх, гэрээнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг яагаад хөндөхгүй байгаа юм бэ?

-МАН 2011 онд Засгийн эрх барьж байхдаа 70 ам.доллараар арван жилийн хугацаатай нүүрсээ заръя гэсэн гэрээ хийчихсэн байсан. Уг гэрээг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед цуцалсан. Тэрнээс хойш 26 ам.доллараар зарсан. Одоо харин үнэ өсөөд гуч гаруй ам.доллараар худалдаж байгаа. Ирэх жил энэ үнэ өсөөд 40 гаруй ам.доллар болох байх. Гэхдээ яг өнөөдрийн зарж буй үнэ, гадны хэвлэл мэдээллийн бичиж буй үнэ ялгаатай байгаа. Бидний ярьж буй үнэ уурхайн аман дээрээс худалдаж буй ханш. Нөгөөх нь уурхайгаас аваад угаагаад, замын зардал шингээгээд, хил гаалиар гарч буй татвар хураамжаа шингээсэн үнэ. Яг эдийн засгийн агуулгаар аваад үзвэл тийм хол зөрүүтэйгээр нүүрсээ өгч буй зүйл байхгүй. Бид нүүрсээ боловсруулаад, угаагаад, нэмүү өртөг шингээгээд эцсийн байдлаар хэрэглэгчид өгч чадвал үнэ өсөх боломж бий. Тийм хэмжээнд хүртэл дотоод ойлголцлоо бий болгох, нэг цонхны бодлого баримтлах, техник технологийн асуудлаа бүрэн шийдэж чадвал бид ашигтай ажиллана. Харамсалтай нь олон жил тогтвортой байх байсан үнийг өөрчлөөд гэрээгээ цуцалчихсан. Тиймээс бид одоо тулгарч буй хүндрэлүүдийг даван туулах чиглэлээр тусгайлсан бодлого боловсруулж ажиллах шаардлага гарч ирж байгаа. Ер нь ирэх оноос эхлэн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ бага хэмжээгээр өсөх юм билээ. Гэхдээ нэг зүйлийг бодох хэрэгтэй. Үнэ өсөж орлого нэмэгдлээ ч зарлагаа нэмж болохгүй гэдгийг хатуу ойлгомоор байна. Бид өнгөрсөн хэдэн жил уул уурхайн баялгийн үнийн өсөлтийг дагаж зарлагаа өсгөчихсөн чинь эдийн засаг хүндэрсэн үед зарлагаа танаж чадахаа больчихсон. Өнөөдөр ч гэсэн Монгол Улс 9.9 хувийн алдагдалтай төсөв батлах гээд сууж байна. Тиймээс бид орлогыг дагаж зарлагаа өсгөхгүй гэсэн бодлого баримтлах ёстой. Үр дүнд нь эдийн засгийн үзүүлэлтүүд л сайжирна. Үүнийг дагаад зээлжих зэрэглэл өсөх эерэг хандлага гарч ирэх юм. Нэг ёсондоо 2017 он бидний хувьд эдийн засгийн уналтыг тогтоож сэргэлт хийж чадах уу гэсэн хариуцлагатай жил болно.

-Ирэх онд гадаадаас ямар, ямар хөнгөлөлттэй зээл тусламж авах бол?

-Шинэ Засгийн газар гарч ирээд бүх л арга замыг хайн ажиллаж байна. ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудтай харилцаагаа сэргээж байна. ОУВС-гийн ажлын хэсгийнхэн манай улсад ирчихсэн ажиллаж байгаа. Төсвийн алдагдлыг бууруулахын тулд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх саналаа манай улс тавьчихсан байна. Энэ хөтөлбөрийг хэржүүлбэл сайн. Мөн олон жил хамтын ажиллагаатай явж ирсэн гадаад улс оронд эдийн засаг, хамтын ажиллагааны олон талт саналуудаа тавьж байгаа. Ялангуяа экспортын орлогоо нэмэгдүүлэх, томоохон төсөл хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх, олон жил ярьсан бүс нутгийн хэмжээний төслүүдэд хамрагдаж хамтрагчаар оролцох гэхчилэн ажлууд ярьж байна. Мөн хориос дээш жилийн хугацаатай, хоёр хүртэлх хувийн хүүтэй урт хугацааны хөнгөлөлттэй зээл авъя гэсэн олон асуудалд анхаарал хандуулж байгаа. Улсын эдийн засагт хүндрэл учруулаад байгаа их хэмжээний өр зээлийг өнөөдрийнхөө чадавхиар төлөөд явна гэвэл худлаа. Тийм чадавхи улсын эдийн засагт байхгүй. Эхний ээлжинд чадавхитай болохын тулд амьсгаа авах хэрэгтэй.

-Ирэх онд төсөв, мөнгөний бодлого хоёр хэр уялдаж байгаа вэ?

-Уялдах ёстой. Мөнгөний бодлого, төсөв хоёрыг уялдуулалгүй ирсний уршиг нь өнөөдрийн эдийн засгийн хүндрэлийн нэг чухал үзүүлэлт. Ялангуяа төсвийн сахилга бат хэтэрхий алдагдсан. Монголбанк бие даасан, хараат бус байдлаа алдаж Засгийн газрын халаасанд хэтэрхий их орж явлаа. Үүнээс болж монгол төгрөгийн ханш урьд хожид байгаагүйгээр буурсан. Монголын эдийн засагт төлбөрийн тэнцлийн их хэмжээний алдагдал бий болж байна. Манай улсын эдийн засгийн өсөлтүүд бүгд унасан. Бараг 1990 оныхоо түвшин рүү оччихлоо. Хорин жилийн турш олон үеийн Засгийн газар, Монголбанкны ажлын үр дүнг өнгөрсөн дөрвөн жилд баллаад дуусгасан гэж харж байгаа. Эргээд мацах үүрэг хүлээчихээд байна. Мөнгөний бодлого, төсөв хоёр төрийн тулах цэг учраас уялдуулахаас өөр аргагүй. Тоон үзүүлэлтийнхээ хувьд ч, удирдлага зохион байгуулалтынхаа хувьд ч уялдаж явах ёстой. Тэгж байж эдийн засаг сэргэнэ. Ер нь бидэнд мөнгө дутаагүй байсан гэдгийг санах ёстой. Энэ зүйлүүдийг засахын тулд эхлээд бодлогын алдаануудаа харах хэрэгтэй. Монгол гэдэг айл руу орж ирж буй орлогын хүүдийг цэвэрлэх хэрэгтэй. Ёроолынх нь цоорхойг сайн бөглөж байж мөнгө хийхгүй бол дахиад хаанаас ч зээл авсан цоорхой уутанд гурил хийсэн юм шиг байна. Бодлогоо цэгцэлж засаж чадахгүй бол бид дахиад л буруу замаар будаа тээнэ. Тиймээс хамгийн түрүүнд бодлогын алдаагаа засаад авах ёстой.

-Ирэх дөрвөн жилд амжиж тогтолцоогоо өөрчлөх ёстой гэж ярьж байгаа. Өөрчилж чадах уу?

-Ард түмэн МАН-д маш өндөр итгэл хүлээлгэлээ. Улс төрийн том итгэлийг дагаад хүлээлтэд нийцүүлэхийн тулд нийгмийн шинэ цаг үетэй нийлсэн томоохон шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай. Шинэчлэлийг хийхийн тулд томоохон реформын шинжтэй ажлуудыг хийнэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас эхлэх ёстой. Эдийн засгийн томоохон бодлого, төрийн албаны шинэчлэл зэргийг хийж байх олон жилийн хөгжлийн сууриа зөв тавих хэрэгтэй. Мэдээж хэрэг хямрал хүндрэл бидэнд эргэж алдаа гаргахгүй байх сургамж үлдээж байна. Нэг ёсондоо байгаа боломжоо зөв ашиглаад хүндрэлийг давчих юм бол цаашид тогтвортой хөгжил бий болгох гарц болно. Тэр талаас нь харвал энэ удаагийн хямрал бидэнд олон ухаарал өгч байгаа.

-Шинэчлэлийг юунаас эхлүүлэх вэ?

-Эхлээд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулмаар байна. Өнөөдрийн Үндсэн хууль сайн хууль. Өнгөрсөн 25 жилийн бүхий л зүйлийг зохицуулж ирлээ. Одоо харин ирэх 25 жилийг зохицуулах Үндсэн хуультай болмоор байна. Эрх мэдлийн зөв хуваарилалт бий болгосон, хариуцлагыг улам бүр тодорхой болгосон Үндсэн хуулийн өөрчлөлт рүү явах ёстой. Хоёрдугаарт, эдийн засгийн бүтцийг солонгоруулна, олон тулгууртай болгоно гэж олон жил ярьж байна. Энэ бүтцээ хийх үйлдвэржилтийн бодлого гаргаж тавих хэрэгтэй. Гуравдугаарт, халамжийн бодлогыг зорилтот зах зээл рүү хандуулах ёстой. Бид халамжийн хавтгайрсан бодлогоос татгалзах цаг болсон гэдгийг иргэд болон төрийн байгууллагынхан ойлгох цаг болсон. Дөрөвдүгээрт, Монголын баялгийн хуваарилалтыг зөв хиймээр байна. Баян хоосны ялгаа ихсээд байгааг яаж зохицуулах юм бэ. Чинээлэг дундаж давхаргыг олонхи болгосон нийгэм бий болгох үзэл санааг агуулсан татвар, эдийн засаг, төрийн бодлогын шинэчлэл хийхгүй бол болохгүй. Тавдугаарт, 200 гаруй мянган хүнтэй төрийн албыг шинэчилж чадавхижуулах зайлшгүй хэрэгтэй. Ингээд ярих юм бол ойрын хугацаанд хийх томоохон шинэчлэлийн чиглэлүүд бий.


Categories
мэдээ цаг-үе

Б.Жавхлан: “Стэнд бай”-д хамрагдаад амсхийх хооронд дараагийн урт хугацааны зээл авах боломжоо сайжруулах ёстой

УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.

-МАН-ын бүлэг хоёр ч өдөр хуралдлаа. Төсөв хэлэлцэж байгаа гэх юм.
Бүлгийн хурал дээр юу ярьж байгаа вэ?

-Төсвийг дөнгөж хэлэлцэж эхэлж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Засах,
ярилцах зүйл нэлээд байна. Энэ жилийн тодотголоор төсвийн алдагдлыг 18 хувь байхаар
баталсан. Ирэх оны төсвийн тухай хуульд орж ирж буйгаар 9.9 хувь, 2018 онд наймаас
доош хувь, 2019 онд 5.5 хувь болгож шат дараалалтай алдагдлаа бууруулахаар төлөвлөлөө.
Энэ бол нэлээн боломжтой, нарийн төлөвлөгөө гэж бодож байна. Яахав зүгээр 18 хувийг
дөрөв, тав болгож механикаар бууруулж болно. Гэвч эргээд хоёр жилийн дараагаас дарамт
болох эрсдэлтэй. Тиймээс ийм хэмжээнд оруулж ирж буйг зөв гэж харж байна. Олон улсын
санхүүгийн байгууллагууд ч гэсэн энэ тооцоог хүлээн зөвшөөрөх байх гэж бодож байгаа.
Тэгэхээр бид одоо 9.9 хувийн төсвийн тэнцлийн алдагдалдЭнэ дүнг барьж бүх боломжоо
шавхан орлогоо гүйцээх хэрэгтэй. Зардал дээр ч мөн ялгаагүй яг энэ хэмжээнээс хэтрүүлэхгүй
байх ёстой. Ийм байж чадаж байна уу гэхээр хэд хэдэн асуудал гарч ирж байна. Орлогын
тухайд төсвийн төлөвлөлтөд эрсдэлтэй зүйлүүд бий. Зардлын хамгийн том асуудал өрийн
эргэн төлөлтийн менежмэнтийн асуудал. Бид 2017, 2018 онд “Самурай” бондтой холбоотой
хамгийн том төлбөрүүд хийгдэх ёстой. Гэтэл 2018 оны нэгдүгээр сард “Чингис” бондын
хамгийн эхний төлбөр болох 500 сая ам.доллар төлнө. Үүний бэлтгэл ажил 2017 онд
хийгдэх ёстой. Тэгэхээр төсөв хэлэлцэж байгаа энэ үед зээлийн эргэн төлөлтийн асуудал
яригдаж байна. Өөр нэг зүйл гэвэл төсвийн хэмнэлтийг ярьж байна. Хэмнэлттэй явах
нь зөв. Хөрөнгө оруулалтыг хэмнэе гэж ярьж байгаа. Энэ нь хоёр талтай. Хөрөнгө оруулалтуудаа
хэмнэх гэж байна гээд бүгдийг татаж болохгүй. Хөгжлийн чиг баримжаатай, хувийн секторуудаа
дэмжсэн, орлогыг хамгаалсан хөрөнгө оруулалтыг зайлшгүй хийх хэрэгтэй. Үнэхээр төсөв
болон төрийн бүтцийг томсгох хөрөнгө оруулалтуудыг хойш тавьж байгаа. Ирэх дөрвөн
жилийн эдийн засгийн идэвхжлийг сэргээх, уналтыг тогтворжуулах, цаашилбал өсөлтийн
суурийг бий болгох чухал гарааны төсөв, мөнгөний бодлогыг ярилцаж байна.

-Төсөв, мөнгөний бодлогын уялдаа ямар байна вэ?

-Төсөв, мөнгөний бодлого ямар цэг дээр очиж уялдаж байна вэ гэдгийг
зөв ойлгох хэрэгтэй. Энэ жилийн инфляци бага түвшинд буюу хасах руу орчихсон байна.
Ийм тохиолдолд Монголбанк мөнгөний бодлогоо зөөлрүүлэх зорилготой байх ёстой. Гэтэл
ийм боломж гарч ирэхгүй байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч
Н.Баяртсайхан хоёр ОУВС-гийнхантай уулзалт хийгээд ирсэн байна лээ. Ирээд хийсэн
мэдэгдэл дотор маш чухал ач холбогдолтой зүйл байсан. Юу вэ гэхээр Сангийн яамны
зүгээс ирэх гурван жилийн төсвийн төсөөллөө ОУВС-д танилцуулсан. Төсвийн тэнцлийн
алдагдлыг шат дараатай бууруулна гэснийг нэлээн нааштай хүлээн зөвшөөрсөн байна
лээ. Энэ бол маш чухал мэдээ. Өнөөдөр манай улсад ОУВС-гийн экспертүүд ажиллаж байна.
Бас зээлжих зэрэглэлийг тогтоох агентлагууд ажиллаад эхэлчихлээ. Төсвийн алдагдлыг
бууруулах тал дээр ажиллана гэдгийг зөв хандлага гэж хүлээн зөвшөөрч байгаа нь чухал.

-Ирэх онд орлого нэмэгдүүлэх ямар боломж харагдаж байгаа вэ?

-Сангийн яамнаас оруулж ирсэн төсөвт орлогоо нэлээн шавхсан байна
лээ. Гэхдээ өшөө боломжууд харагдаж байгаа. Урьд өмнө хуримтлагдсан Засгийн газрын
авлага нэлээд бий. Тэндээс шавхах боломж байгаа болов уу гэж харагдаж байгаа.

-Хаанаас, ямар авлага авах вэ?

-Засгийн газраас хэрэгжүүлж байсан олон хөнгөлөлттэй зээл, хөтөлбөр
бий. Мөн 2008, 2009 оны үед банкны системийн хямралтай холбоотой авлагууд байдаг.
Гэх мэт эдгээрийг нэлээн шавхвал тодорхой хэмжээний орлого ороод ирнэ. Ямар байдлаар
орлогоо нэмэгдүүлэх арга байна вэ гэдгийг судалж байгаа.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах уу, болих уу гэсэн асуудал бүлгийн
хурал дээр нэлээн яригдсан гэсэн. Нэгэнт эдийн засаг ийм хүнд байдалтай байхад яагаад
одоо хүртэл шийдээ гаргахгүй байгаа юм бэ?

-“Стэнд бай” хөтөлбөрийг авах нь тийм сайн сонголт биш. Гэхдээ энэ
удаагийн эдийн засгийн нөхцөл байдал биднийг гарцаагүй байдалд оруулж байна. ОУВС-гийнхантай
хэлэлцээр эхлүүлэх ёстой. Энэ хөтөлбөрт орохоор тухайн улс орны макро түвшний эдийн
засгийн бодлогын шийдвэрт бие даасан шинж чанар нь алдагддаг. Өөрсдөө асуудлаа шийдэж
чадахгүй байна, төрийн төлөвшил сайнгүй гэдэг утгаараа муу үнэлгээ авна. Гэхдээ
өнөөдөр ийм эдийн засагтай байхад нөхцөлөө сайн тохироод хэрэгжүүлэхээс өөр зам
байхгүй.

-Манай талаас тавих нөхцөлийг хэн, хэзээ тодорхойлох юм бэ?

-ОУВС-гийнхан манай улсад ажиллаж байна. Тэд Монгол Улсын эдийн засгийн
өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгнө. Яаж ажиллах вэ гэдэг үед манай улс
нөхцөлөө тавиад харилцан ярилцаж хэлэлцээр хийх юм.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдчихвал БНХАУ хөнгөлөлттэй зээл, тусламж
өгөхгүй мэтээр ярьж байгаа. Тиймэрхүү зүйл байна уу?

-УИХ-ын дарга БНХАУ-д айлчлал хийхдээ урт хугацааны хөнгөлөлттэй
зээл авах тухай ярьсан. Гэтэл үүнийг “Стэнд бай”-тай холбон бодлогын сонголт гараад
ирчихсэн мэт буруу ойлголт нийгэмд яваад байна. Энэ хоёр асуудал бол ялгаатай. Хоёулаа
зээл боловч агуулга нь өөр. “Стэнд бай” хөтөлбөр бол бодлогын нөхцөлтэй, богино
хугацааны зээл. Төсөв, мөнгөний бодлого нь уялдаатай байх ёстой гэхчилэн олон шаардлага
тавигдаад явах зээл. Өөрөөр хэлбэл, бид өөрсдөө асуудлаа шийдэж чадаагүйгээс болоод
гадны хяналтад орж томоожих хэрэгтэй болчихлоо. Хэрэв “Стэнд бай”-д хамрагдах юм
бол аль болох маш богино хугацаанд нөхцөлүүдээ биелүүлээд гарах хэрэгтэй. Хятад
болон бусад гадны улсаас авч болох урт хугацаатай, хүү багатай зээлийн сонголт бидэнд
байгаа. Иймэрхүү зээл “Стэнд бай” хөтөлбөрийн зээлээс агуулгаараа өөр. Нэг ёсондоо
бизнесийн агуулгатай. Миний бодож буйгаар “Стэнд бай”-д хамрагдаад эдийн засгаа
хэсэг хугацаанд амсхийж байх хооронд дараагийн урт хугацааны зээл авах боломжоо
сайжруулах ёстой.

-Яахав “Стэнд бай”-д хамрагдаад эдийн засгийн уналтыг тогтворжуулж
болох байх. Гэхдээ энэ бол нэг, хоёр жилийн л асуудал. Тэрний дараа яах вэ?

-Энийг бид ярилцах ёстой. 2010 онд бид энэ хөтөлбөрөөс маш амархан
гараад явчихсан. Одоо харин гадаад нөхцөл байдал сайжрахгүй бол яах вэ гэдэг асуудлаа
ярилцах ёстой. Эрдэс баялгийн үнэ өсөхгүй бол өөрсдөөсөө шалтгаалах дунд, урт хугацааны
менежмэнтээ сайн төлөвлөсөн баймаар байна. Хоёр жилийн дараа гаднаас авч болох урт
хугацаатай, хүү багатай зээл тусламжийг одооноос ярьж эхлэх хэрэгтэй. Мөнгө олоод
ирлээ гэхэд яаж өгөөжтэй зарцуулах вэ гэдгээ тодорхойлохгүй бол болохгүй. Чингис
бондын мөнгийг бид маш хурдан олоод авчихсан. Гэтэл ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
вэ гэдгээ мэдэхгүй байсан шүү дээ. Таван жилийн дараа үр өгөөжөө өгөх хэмжээний
төсөл бэлэн байгаагүй. Тийм зүйлд бид одоо бэлэн байх ёстой. Өр, зээл авах амархан.
Эргээд төлөх эрсдэлээ зөв тооцоолох ёстой. Зээлээ төлөх үед ямар ч эрсдэлгүйгээр,
зовлонгүйгээр төлбөрөө төлж чадах хөтөлбөрт хөрөнгө оруулах чухал.

-“Стэнд бай” хөтөлбөрөөс яг хэдий хэмжээний мөнгө орж ирэх юм бэ.
1.5 тэрбум ам.доллар орж ирнэ гэж ярьж байгаа нь үнэн үү. Мөн бүх мөнгө нэг дор
орж ирэх үү?

-Энэ хөтөлбөрийг авахаар бид гурав дахь удаагаа ярьж байна. Өмнө
нь хоёр удаа хэрэгжүүлсэн. Таны хэлж буй хэмжээний мөнгийг өгөхгүй байх гэж бодож
байна. 1.5 тэрбум төгрөг гэж ярьж байгаа ч гэлээ нэг тэрбум ам.доллар оруулах болов
уу гэж бодож байгаа. Гэхдээ мөнгөний хэмжээ тийм чухал биш. Гол нь хэлэлцээрээ зөв
хийгээд, зөв ашиглаад, богино хугацаанд гарах нь л гол асуудал.

-Мөнгө ороод ирлээ гэхэд юун түрүүнд хааш нь ямар зарцуулалт хийх
вэ?

-2017, 2018 оны төсөвт шаардлагатай нэмэлт санхүүжилт гэсэн үг. Өөрөөр
хэлбэл, төсвийн дутагдлыг нөхөхөд зарцуулна. Үүнийг дагаад нэмэлт туслалцааны бага
хэмжээтэй мөнгө орж ирдэг. Төрийн байгууллагыг чанаржуулах, үйл ажиллагааг нь сайжруулах
олон чиглэлээр нэмэлт санхүүжилт орж ирнэ.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдчихвал Япон улс туслалцаа үзүүлнэ гэсэн
байна лээ?

-ОУВС-гийн үйл ажиллагаа гишүүн орнуудынхаа хүрээнд явагддаг. Япон
бол том эдийн засаг шүү дээ. ОУВС-гийн гол санхүүжүүлэгч. Тэгэхээр мэдээж хэрэг
үйл ажиллагаа нь хоорондоо уялдана. Япон улс манайхтай олон жилийн найрамдалт харилцаатай.
Тэр хүрээндээ манайд туслах сонирхолтой. Гэхдээ ОУВС-гаас монгол орны эдийн засгийн
талаар өгөх дүгнэлт чухал нөлөө үзүүлнэ. Зээл өгөх гэж буй хүн буцааж хэрхэн төлөх
нөхцөлийг нь заавал харна шүү дээ. БНХАУ-ын хувьд ч гэсэн ОУВС-гийн дүгнэлтийг чухалчилна.
Саяхан БНХАУ ОУВС-гийн валютын нөөц багцад юаниа оруулсан. Тэгэхээр тэр хэмжээгээр
ОУВС-д БНХАУ нөлөөлдөг болно гэсэн үг.

-Тэгэхээр “Стэнд бай”-г хэрэгжүүллээ гээд гадны улс орон тэр дундаа
БНХАУ бүр илүү туслах нь ээ?

-“Стэнд бай”-д орчихвол манай улсад зээл өгөх илүү их итгэлтэй болно.

-ЖАЙКА болон Азийн хөгжлийн банкнаас хоёр тэрбум ам.долларын хөнгөлөлттэй
зээл өгөх тухай асуудал яригдаж байгаа юу?

-Энэ бол олон жил яригдаж байгаа асуудал. Миний мэдэж буйгаар гурав
дахь жилдээ энэ асуудлыг ярьж байгаа байх.

-БНХАУ-аас авах тэрбум ам.долларын асуудал юу болж байгаа вэ?

-Засгийн газрын түвшинд яаж яригдаж байгааг мэдэхгүй байна. Тэрбум
ам.долларыг ТЭЗҮ нь бичигдсэн, тодорхой төслийг санхүүжүүлнэ гэж яригдаж байсан.
Тодорхой шалтгааны улмаас хойшлогдоод бас удаж байна. БНХАУ-ын талаас ямар шаардлага
тавьсан бэ гэхээр аль нэг банкаа байгуулъя гэсэн. Энэ асуудлаас болоод гацчихсан
байгаа.

-Банкийг нь оруулаад ирж болдоггүй юм уу?

-Ганц төсөл хөтөлбөртэй холбож гадны банктай холбоотой асуудал яримааргүй
байна. Гадны банкны салбар орж ирэх үгүй нь манай улсын санхүүгийн зах зээлийн тогтолцооны
шинжтэй асуудал. 1990 оноос хойш хөрөнгийн, үнэт цаасны, даатгалын зах зээл буюу
банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх гэж нэлээд ажиллаж ирсэн. Үе үеийн
Засгийн газар, УИХ, Монголбанк үүнд анхаарал хандуулан ажилласан. Гэсэн хэдий ч
өнөөдрийн хүрсэн цэг маань эдийн засгийн өсөлт, хувийн секторын өсөлт хэрэгцээг
гүйцэхгүй болчихож. Нийт санхүүгийн зах зээлийн 95 хувьд банк ажиллаж байгаа. Үлдсэн
тавхан хувьд банкнаас гадуурх санхүүгийн байгууллага ажиллаж байна. Гэтэл урт удаан
хугацааны концессын хөрөнгө оруулалтыг банкууд санхүүжүүлэх боломжгүй гэж ярьдаг.
Тэгэхээр нийгмийн эрэлт хэрэгцээг хүлээн зөвшөөрч, санхүүгийн зах зээлийг нээлттэй
болгох ёстой. Нээлттэй болгож байна гээд дотоодынхоо банкны зах зээлийг гэмтээж,
хямрааж болохгүй. Үүний тулд тохиргоо, зохицуулалт хийж болно. Банкуудыг тэжээж
буй гол салбар болох хадгаламжийн зах зээл дээр гадны банктай хүүгээрээ өрсөлдөж
болно. Жижиг зээлийн буюу тэтгэвэр, цалингийн зээлийн зах зээлийг булаацалдахгүй
байх зохицуулалт хийх боломжтой. Нэг ёсондоо одоо байгаа харилцагч нарын түвшинг
булаацалдахгүй байх зохицуулалт хийгээд явж болно. Иймэрхүү маягаар санхүүгийн зах
зээлээ нээлттэй болгох боломж бий. Гадны банк гэхээр л “Bank of China”-г яриад,
Хятад улс юу юугүй манайхыг эзэлчих юм шиг яриад байх юм. Гэтэл 2010, 2011 оны эдийн
засгийн өндөр өсөлттэй үед гадны банкууд манайд салбараа нээх сонирхолтой байсан.
Одоо тийм биш. Өмнө нь дэлгүүр хямдрал зарлалаа гэхэд дэлгүүрийн хаалга эвдчих гээд
дайрдаг байсан. Харин өнөөдөр тийм эрэлт байхгүй болсон.

-Эдийн засагч хүний хувьд санхүүгийн энэ мөчлөгийг хэрхэн харж байна
вэ. Эдийн засаг хэзээнээс сэргэх бол?

-Бид хямралыг зөвхөн мөнгөний бодлогоор, төсвөөр харж болохгүй. Бид
тогтолцоо, системээ өөрчлөх шаардлагатай. Хамгийн түрүүнд төсөв, мөнгөний бодлогоо
дунд, урт хугацаанд уялдаатай явуулах ёстой. Бид гадны хөрөнгө оруулагчдыг таатай
орчноор дуудна гэж яриад байдаг. Гэтэл гадаадынхан таатай орчин биднээс нэхдэггүй
шүү дээ. Дунд болон урт хугацааны тогтвортой, тодорхой, түүндээ хүрдэг байхыг л
хүсэж байгаа. Улс төр, төрийн бодлого, хууль эрхзүй, Засгийн газрын бүтэц тогтвортой
байхыг л шаардаад байдаг. Тогтворгүй байдлыг бид юун түрүүнд өөрчилж зөв бодлого
явуулах хэрэгтэй. Ирэх дөрвөн жилийг иймэрхүү өөрчлөлт явуулахад хамгийн тохиромжтой
хугацаа гэж харж байгаа.

-Засгийн газар, УИХ-ын гишүүд ойрын нэг жилийн л асуудал яриад байгаа.
Урт хугацааны буюу тав, арван жилийн дараахийг харсан бодлого Засгийн газраас орж
ирж байна уу?

-Ямар ч байсан дөрвөн жилийнхээ мөрийн хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцүүлж
баталсан. Энэ дотор улс төрийн шинжтэй, сонгуулийн мөрийн хөтөлбөр бүрэн тусгагдсан.
Богино, дунд хугацааны эдийн засгийн хүндрэлээс гарах, аль болох бага хохиролтой
даван туулах төлөвлөгөөн дээр ажиллаж байгаа. УИХ-д танилцуулж хараахан амжаагүй
байна.

Categories
мэдээ цаг-үе

Турк-Монголын найрамдалт харилцааг бэхжүүлсэн Элчин сайд

БНТУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат
Карагөз Монголд гурван жил ажиллаад нутаг буцах гэж буй ажээ. Элчин сайдын нэг өдрийг
сурвалжлахаар тохирч яаман дээр нь даваа гаригийн өглөө 10 цагт очив. Долоо хоногийн
ажлын эхний өдөр манайд үйл ажиллагаа явуулдаг турк байгууллагын удирдлагууд Элчин
сайдтайгаа уулздаг юм байна. Энэ удаагийн хуралд “ТИКА”, “Turkish air­lines” зэрэг
байгууллагын удирдлагууд иржээ. Тэд өнгөрсөн долоо хоногт ямар үйл ажиллагаа явуулсан,
цаашид юун дээр анхаарах шаардлагатай байгаа талаар бие биедээ зөвлөн хуралддаг
юм байна. Хагас цаг гаруй хугацаанд хуралдсаны дараа Унгарын Элчин сайдын яамнаас
зохион байгуулж буй “Унгарын долоо хоног” арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд
оролцсон. Дараа нь “МОНЦАМЭ”, “Turk­ish airlines” зэрэг газраар зочилсон юм. Мурат
Карагөз нутаг буцах гэж буй учраас сүүлийн үед хамтран ажилладаг байгууллагын удирдлагуудтай
үдэлтийн уулзалт хийж байгаа нь энэ ажээ. Тэрээр 16 цаг хүртэл албан уулзалтууд
хийснийхээ дараа Элчингийн гудамж дахь өргөөндөө ирэв. Түүний амьдардаг гэрийг турк
ёсоор өргөө гэж нэрлэдэг юм байна. 3500 м2 талбай бүхий хоёр давхар уг өргөөний
нэгдүгээр давхарт хүлээн авалтын танхим, зочид хүлээх хэсэг бий. Хоёрдугаар давхарт
нь зочны өрөө, гал тогооны хэсэг байдаг ажээ. Элчин сайд гаднаас ирсэн зочдыг ихэнхдээ
зочны өрөөндөө хүлээж авдаг. Энд тэрээр үйлчлэгч, тогооч нарынхаа хамт амьдардаг.
Гэр нь тэр чигтээ турк ахуй соёл, зан заншлыг шингээсэн хэв маягтай юм. Хананд нь
янз бүрийн уран зураг өлгөжээ. Элчин сайд уран зураг цуглуулах дуртай учраас өөрийнхөө
цуглуулгаар гэрээ чимсэн гэнэ. Болгар зураачийн зурсан бүрэнхийд идээшилж буй морины
зураг түүний хамгийн хайртай зургуудын нэг. Уг зургийг худалдаж авсныхаа дараа морио
дээдэлдэг Монгол Улсад Элчин сайдаар томилогдсондоо ихэд бэлгэшээдэг ажээ. Харин
шалаар нь Туркийн гар хийцийн хивс дэвсчээ. Туркчүүд гар урлал, тэр дундаа нарийн
хээ хуар бүхий хивсээрээ алдартай. Иймд ирсэн зочдод үндэснийхээ үйлдвэрлэлийг таниулах
зорилгоор олон төрлийн хивс дэвсдэг юм байна. Бас уран чамин хийц, хэлбэртэй гоёмсог
мөнгөн эдлэлүүд өржээ. Эдгээрийг тэрээр өөрөө авчирсан гэнэ. Мөнгөн эдлэл цуглуулах
нь Элчин сайдын бас нэгэн сонирхол юм билээ. Ханын чимэглэл, чихрийн таваг, цайны
бүрдэл зэрэг мөнгөн эдлэл дунд тав, зургаан ч мөнгөн аяга байв. Тэднийгбайх хугацаанд
ажил хэргийн холбоотой түншүүд нь бэлэглэжээ. Мөн тэрээр чөлөөт цагаараа хөлбөмбөг
тоглох дуртай. Дунд сургуулийн хүүхэд байхаасаа л бөмбөг өшиглөх дуртай байсан нь
өнөө хэр хэвээрээ. Тоглох бүртээ 10 дугаарын өмсгөл өмсдөг бөгөөд 10-ын тоог аз
авчирдаг хэмээн шүтдэг юм байна. Хөлбөмбөгийн тухайд Ата Туркийн нэрэмжит 109 жилийн
түүхтэй “Фенер бахче” багийн конгрессын гишүүний албан тушаалтай. Харин Монголд
ирээд “Голомт” банкнаас зохион байгуулдаг Элчин сайдын яамдын дундах тэмцээнд орж
хоёр ч удаа хүрэл медаль авчээ.

Гэрийнхээ интерьер дизайныг Элчин сайд өөрөө гаргасан гэнэ. Зочны
өрөөндөө ил зуух тавиад эхний хоёр сар ном уншин суух дуртай байжээ. Удалгүй ингэж
суух ч завгүйгээр хоёр улсын харилцааг улам бүр бэхжүүлэхийн төлөө ажиллах болсон
байна. Уг нь өвлийн ид хүйтэн өдөр ил зуухандаа гал түлээд суухыг хүсдэг ч ингэж
суух чөлөө зав тэр бүр гардаггүй гэсэн. Хувийн амьдралыг нь сонирхвол ганц бие,
нэг хүүтэй гэнэ. Хүү Бату хаан нь Канадад сурдаг ажээ. Хүний нэр тухайн хүний хувь
заяанд нөлөөлдөг гэдэгт итгэдэг учраас хүчирхэг Бат хааны нэрийг өгч байсан гэнэ.

Элчин сайд Мурат Карагөз Монголд анх томилогдсон тухайгаа ярьж өгөв.
2013 оны зургадугаар сарын 22-ны шөнө гар утас нь дуугарчээ. Гадаад хэргийн сайд
нь залгаад “Танд баяр хүргэе. Таныг Монгол Улсад Элчин сайдаар томиллоо” гэж хэлжээ.
Дипломатчаар ажиллаж байсан хүний хувьд Элчин сайдаар томилогдоно гэдэг нэр төрийн
хэрэг. Гэсэн хэдий ч өмнө нь Азийн аль нэг улсад ажиллаж байгаагүй болохоор баярласан
мөртлөө гайхаж хүлээж авчээ. Тэр шөнөдөө нойр нь хүрэлгүй байсаар өглөө нь ажил
дээрээ очжээ. Уулзсан хүн бүр Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж байсан ч Монголд
ажиллах болсныг дуулаад “өө” гэсэн байртай хүлээж авсан гэнэ. Учир нь тэрээр Европын
улсуудад ажиллаж байсан болохоор Ази руу томилогдоно гэж төсөөлөөгүй байж. Үдээс
хойш нь Монголд ажиллаж байсан дипломатуудтай уулзжээ. Тэд бүгдээрээ “Та нэг л зүйлд
итгэ. Монгол Улс танд маш их таалагдах болно. Тэндхийн иргэдийг нь хайрлах болно.
Амжилттай ажиллах бүх зүйлд монголчууд тусална” гэж хэлж байжээ. Ингээд 2013 оны
арваннэгдүгээр сарын 15-нд Монголд ирсэн байна.

Түүнийг Гадаад хэргийн яамны холбогдох
хүмүүс тосож аваад үдээс хойш уулзахыг хүсчээ. Дипломат ёсонд Элчин сайдаар дөнгөжтомилогдон
ирэнгүүт нь уулзах хүсэлт тавих тохиолдол гарч байгаагүй учраас ихэд гайхан хүлээж
авч л дээ. Юутай ч хэлсэн ёсоор нь яваад очтол “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таныг итгэмжлэх
жуух бичгээ маргааш бариарай гэсэн” хэмээн дамжуулжээ. Уг нь Элчин сайдууд аль ч
улсад очсон бай итгэмжлэх жуух бичгээ барихын тулд олон сар хүлээдэг гэнэ. Гэтэл
Монголын Ерөнхийлөгч түүнийг ирсэн өдрийнхөө маргааш нь жуух бичгээ бариарай гэсэн
нь дипломат ёсон дахь хамгийн том хүндлэл үзүүлсэн хэлбэр байжээ. Ингээд Монголд
ирснээсээ хойш 26 цагийн дараа л машиныхаа урд талд улсынхаа тугийг зоогоод итгэл
дүүрэн ажлаа эхэлжээ. Ерөнхийлөгчийн үзүүлсэн энэхүү хүндэтгэлийг тэрээр амьдралынхаа
ямар ч үед мартахгүй хэмээн ярив.

Элчин сайд Мурат Карагөз 1967 онд Истанбул хотноо төрсөн, айлын ганц
хүү ажээ. Истанбулын их сургуулийн Эдийн засгийн факультетийг Олон улсын харилцааны
чиглэлээр төгссөн байна. Мөн Нью-Йорк хотын их сургуульд Улс төр судлалаар магистрын
зэрэг хамгаалжээ. Ажлынхаа гарааг улсынхаа ГХЯ-ны Зүүн Европ болон Азийн асуудал
эрхэлсэн газарт түр албан хаагчаар эхлүүлж байсан гэнэ. Дараа нь цэргийн алба хаагаад
ГХЯ-ныхаа Зүүн Европын орнуудын хамтарсан эдийн засгийн харилцааны газар атташе,
Болгар дахь ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн дарга, НАТО дахь БНТУ-ын Байнгын төлөөлөгчийн
газар хоёрдугаар нарийн бичгийн дарга, БНТУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар нэгдүгээр
нарийн бичгийн дарга, Нью-Йорк хот дахь НҮБ-ын БНТУ-ын Байнгын төлөөлөгчийн газарт
зөвлөх, АНУ дахь ЭСЯ-нд Элчин сайдын зөвлөх, ГХЯ-ныхаа Балканы орнууд болон Төв
Европын асуудал эрхэлсэн газарт дэд даргаар ажиллаж байжээ. Харин түүний дараагийн
томилгоо БНТУ-аас Йордан улсад суух Элчин сайд гэсэн. Тэрээр гурван жил Монголд
ажиллах хугацаандаа ихэнх аймгаар аялж үзжээ. Очсон газруудаас нь хамгийн их сэтгэгдэл
үлдээсэн газар нь Хэнтийн Дадал. Тэнд Бурхан халдун ууланд гарч хийморио сэргээхийн
зэрэгцээ Онон голын усаар нүүрээ угаан Чингис хаанаар бахархаж явсан гэнэ. Харин
амралтынхаа ганц, хоёрхон өдөрт Тэрэлж рүү ухас хийгээд ирдэг болжээ. Түүний Монголд
байх хугацаан дахь нэг бахархал нь монгол эмэгтэйчүүд гэсэн. Тэрээр манай улсын
тухай маш хүчирхэг эмэгтэйчүүдтэй гэж гадна, дотнын найз нөхдөдөө байнга ярьдаг
гэнэ. Учир нь аль ч салбарт эмэгтэйчүүд ажиллаж чадаж байгаа бөгөөд үүнийхээ зэрэгцээ
ар гэрийнхээ амьдралыг өв тэгш авч явдгийг нь хүндлэх болжээ. Улс төр, эдийн засаг,
хэвлэл мэдээлэл, спорт гээд бүхий л салбарт эмэгтэйчүүд манлайлан ажиллаж өндөр
амжилт гаргаж буйгаас нь бусад орны эмэгтэйчүүд суралцах хэрэгтэй гэж байлаа.

Элчин сайд Мурат Карагөзийн тухайд өдөрт таваас зургаан цаг унтдаг
ажээ. Өглөө босож цайгаа уучихаад 9:30 цагийн үед ажлаа эхлүүлдэг гэнэ. Монголын
үдээс хойших цагт Туркт өглөө болж байдаг учраас тэр үеэр их ажилтай болдог юм байна.
Албан уулзалтуудаа голдуу үдээс хойших цагт товлодог бөгөөд орой бүр хагас цаг ганцаараа
байж тухайн өдрийнхөө ажилд үнэлэлт дүгнэлт өгдөг ажээ. Тэрээр амьдралдаа таван
зарчим баримталдаг бөгөөд монголчуудыг ч гэсэн уг зарчмыг баримтлаасай гэжхүсэж
явдаг гэсэн. Тэрээр ямарваа нэгэн ажлыг тултал нь буюу өмсөж буй цамцыг хөлс чинь
нэвтэртэл ажиллах хэрэгтэй гэв. Мөн өмнөө боломжит зорилго тавиарай, аливаа зүйлд
шийдэмгий байгаарай, гаргасан шийдвэрийнхээ ард баттай зогсож сураарай, шударга
байж ямар ч тохиолдолд ард түмэн болон хамт ажиллаж буй хүмүүстээ үнэнийг хэлж байгаарай,
туршлага хуримтлуулж, туршлагатай хүнтэй хамт ажиллахаас бүү айгаарай хэмээн зөвлөсөн
юм.

Тэрээр Монголд ирсэн хойноо хоёр улсын дипломат бодлогын хүрээг давсан
маш олон үр дүнтэй ажил хийжээ. 2014 онд хоёр улсын хооронд иргэд харилцан 30 хоногийн
дотор визгүй зорчих эрхтэй болсон нь иргэдийн талархлыг ихэд хүлээжээ. Мөн түүхэнд
анх удаа Туркийн Гадаад хэргийн сайдын албан ёсны айлчлалыг зохион байгуулсан байна.
Түүнчлэн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, гурван жил
дараалан Улаанбаатар дахь Туркийн соёлын өдрүүдийг зохион байгуулж, Туркийн Засгийн
газраас тэтгэлэгт хамрагдаж буй оюутнуудын тоог нэмэгдүүлж 75 болгосон, 21 аймгийн
15-д нь айлчилж Турк улсаа сурталчлан таниулсан, жил бүрийн аравдугаар сарын 1-нд
Батсүмбэр дэх асрамжийн газарт зочилж ахмадын баярыг тэмдэглэсэн, Туркт төгсөгчдийн
“Ата” холбоог байгуулсан, “Монгол дахь Туркийн ул мөр” нэртэй эрдэм шинжилгээний
ном гаргасан зэрэг олон ажил хийжээ. Улаанбаатар дахь Туркийн өдрүүд соёлын арга
хэмжээг маш өргөн хүрээнд зохион байгуулсан бөгөөд энэ үеэр бусад улсын Элчин сайдын
хийж байгаагүй үйл ажиллагаа явуулжээ. Туркийн загвар зохион бүтээгчийн шоу, төгөлдөр
хуурч, дуурийн дуучны тоглолт, сонгодог киноуран бүтээл, хоолны өдөрлөг зэрэг өргөн
цар хүрээнд арга хэмжээ зохион байгуулсан байна. Мөн Анкарагийн гудамж дахь Ататуркийн
нэрэмжит нийслэлийн тавдугаар дунд сургуулийг 700 мянган ам.доллараар зассан байна.
Энэ мэтчилэн Элчин сайдын хувьд Монголд хийсэн ажил олон. Хэдийгээр тун удахгүй
бүрэн эрхийн хугацаа нь дуусах ч гэлээ цаашид Монгол Улстай холбоотой бүхий л асуудалд
анхаарал хандуулан сайн сайхныг хүсэж ажиллана гэж байлаа.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Их говийн дархан цаазат алтайн өвөр говиор

Улаанбаатараас аравдугаар сарын 7-ны баасан гарагийн үдээс хойш Баянхонгор аймгийг зорин гарав. Хэд хоногийн өмнө Содномсамдан хэмээх содон нэртэй залуу өөрийгөө аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн гэж танилцуулж, уран бүтээлчдийн нэгдсэн аялалд аяны жолоо хамтатгаач гэсний дагуу ардын уран зохиолч Тангадын Галсан багш, Аюурзана зохиолч хоёрт утас цохьсон ч тус тусын ажилтай гэсэн сэн. Ямартай ч яруу найрагч шавь Зоригтын Батхуягтайгаа ийн нутгийн зүг одож, зам зуур унаанаас бууж шөнийн тэнгэрийн од ширтэн зогсохдоо

“Дуун сүүн замтай

Бөөнцагаан нуураа зорьсуу

Энх мэндийн учиртай

Ээж хайрхандаа сүсэлмүү

Сэтгэл зүрхний гунигаа

Сэрүүн салхинд нь гээюү

Итгэл зоригийн гэгээгээр

Ирэх цагийг угтмуу” гэсэн мөрүүд цээжин цаана бичигдэн, алс одох сэтгэлийн дарцгийг хийсгэн байв. Үүрээр аймгийн төвд очвол “Хүрэн морь” яруу найргийн наадмын тэргүүн найрагч Адьяагийн Батжаргал, гэргийнхээ хамт угтан авав. Баянхонгорын багш нарын баяр очсон өдөр тохиожээ. Нэрт эрдэмтэн Сономын Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт жүжгийн театр хавиар гоёлын хувцсаараа гангарсан хүмүүс хөлхөлдөнө. Хэвтэж буй номхон барын дүртэй Номгон хайрхны бэл дэх Оготнотой булаг дээр очвол нэг нөхөр баахан мод буулгачихсан ганцаараа нүх ухаж зогсоно. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу мод тарьж байгаа нь тэр юм гэнэ. Бор шороотой ширэгний хөрсийг дөрвөлжлөн хуулж байхыг нь харахад мод таригч буянтан гэхээсээ илүү хайран сайхан эрүүл газрыг сүйтгэж байгаа солиотой хүний дүр нүдэнд өөрийн эрхгүй тодорно. Галзуу хүн л ингэж харзны тархин дээрх онгон хөрсийг хөндөж мод тарина гэж дүвчигнэх байх даа. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг нэгэн үе Баянхонгорт аж төрөхдөө энэ сайхан булгийн хөвөөнд ирж авьяас онгодоо хөглөж явсан гэхээр цаанаа л сэтгэлд дотно. Ямар сайндаа л нутгийнхан “Чинжигийн ганцаардлын булаг” гэж нэрлэх билээ. Эндээс

“Намираа цэнхэр бороо шивэрсэн

Намрын хонгор үдшээ дурс даа” гэсэн “Намрын дурсамж” зэрэг олон уран бүтээл нь мэндэлж, их туурвилчаа мөнхөлсөн түүхтэй.

Үдээс хойхно аймгийн Аялал жуулчлалын газрын гаднаас Алтайн өвөр говийг зорих баг бүрдлээ. Харин Алтайн их говийг туулах унаа минь хэдийгээр орос ах нарын үйлдвэрлэсэн фургон ч гэсэн “Үүгээр хаа ч хүрэх билээ” гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлнэ. Хуучнаас хуучин төдийгүй хаалга нь дотроосоо онгойдоггүй, цонх нь нээгддэггүй машинаар хол явна гэдэг ямархан хэцүү болохыг явж үзсэн хүн л зовлонг нь дэндүү сайн мэдрэх биз. Наран хэвийх үед Баацагаан сумыг зорьж буй бидний аялагчид анхандаа хэн нэгнээсээ гэрэвшсэн маягтай, үг солих ч үгүй хэсэг явцгаав. Удалгүй “Говийн гайхамшигт-6” гэсэн аялалд нэгдсэнээ мэдэж “Тахийг ч Хустайн нуруунд үзсэн”, “Хавтгай бидэнд харагдах болов уу”, “Хар сүүлт гэж ямар амьтан байдаг юм бэ”, “Хулан тоосоо манаруулаад давхихаараа ч ёстой гүйцэгдэхгүй шүү”, “Мазаалай баавгайг Монголын таних тэмдэг болгох зөв, буруу”, “Бөхөн ч голдуу Ховдын чигт л таардаг даа” гэсэн яриагаар хачирлан танилцаж эхэлцгээв. Аяллын бүрэлдэхүүнд Монголын үндэсний олон нийтийн радиогийн найруулагч Дааганбатын Сарантуяа, Шинэжинст сумын харьяат орон нутаг судлаач Г.Дашчирэв, “News­com.mn” сайтын сэтгүүлч, яруу найрагч З.Батхуяг, яруу найрагч П.Баярсайхан, зураач Т.Батжаргал, “Хонгор нутаг” гэрэл зураг сонирхогчдын клубийн гишүүн П.Отгонбаатар, Э.Батзаяа, “Соогоо сейко” сургуулийн багш, яруу найрагч С.Мөнхтогтох, “Хонгорын сор” хоршооны гишүүн П.Сандагсүрэн, гэрэл зурагчин Л.Батбаяр, “ТВ-10” телевизийн зураглаач Б.Алтансүх, “Дельфин” бичиг хэргийн газрын эрхлэгч Э.Цэрэндулам, БОАЖГ-ын жолооч Г.Батнасан нар багтжээ.

Оройхон гарсан бид ширүүхэн дарсаар, Баацагаан сумын төв орохдоо зам зуур төрийн шагналт яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэн гуайнхаа алдарт “Хүрэн морь” найраглалаас

“Оройн улаан нар

Онц туяа татуулаад

Сунаж хөвсөн үүлсийн

Сугыг нэвт шагайж

Урваж хөрвөж байгаа

Хурын бараан үүлийг

Улбар шар өнгөөр

Хувиргаж сайхан чимлээ.

Сүрэг тарган адуу

Суурь бэлчээрээ солиход

Сүүлд нь явсан хүрэн

Сугарч хойно нь хоцроод

Сургаж өгсөн эзнийхээ

Сургийг сонсох гэсэн шиг

Сухай улаан өнгөөр

Суниаж байгаа нарыг

Эгцэлж нэг хараад

Эргэж нэг унгалдав” гэж сөөнгө хоолойгоор унших Мөнхтогтох багшийн уянгад уярсхийж, авьяасын гэрэлт их зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийн “Алган дээрээ бөмбөрүүлсэн

Айлын хооронд үүрсэн

Азай буурал ээжийнхээ

Ачийг яаж хариулна даа” гэсэн дууг аялан дуутай шуутай явав. Түрүүнээс хойш чимээгүй явсан онгоо бор залуутай танилцвал дуучин Төрмандахын гэргий Гансувдын дуулсан

“Бүүвэйн дуугаа аялан аялан

Бүлтгэр үрээ өхөөрдөх нь хөөрхөн

Бүлээн сүүгээр нь ундаалснаа бодохоор

Бүхнээс илүү та минь сайхан

Мэлмий дүүрэн мандсан нар шиг

Миний ээжий наддаа ганцхан

Мишээл дүүрэн дэлгэрсэн цэцэг шиг

Миний ээжий хамгийн хөөрхөн” дууны шүлгийг зохиосон яруу найрагч Мягмарын Цэрэнтогтох аж. Сумын соёлын төвд хоносон бид ургахын улаан нарнаар найрагч Лхамсүрэнгийн гэр музейгээр зочилж, үр хүүхдүүдийнх нь босгосон цагаан суваргад хүндэтгэл үзүүлээд, Монгол бөхийн овоог зорив. Талд шовойх таван ханатай гэрийн дайны эл овоо алсын газраас торойн харагдах сүр бараагүй ч эртнээс нааш улсын цолтой том бөхчүүдийн зорин ирдэг шүншигт газар болсон гэх. Дархан аварга Бат-Эрдэнэ ид барилдаж байхдаа энд жил бүрийн зуны шөнийн үүрээр ирж мөргөөд наран ургахад оддог байсан бол сүүлийн жилүүдэд аварга Эрхэмбаяр нарын бөхчүүд төдийгүй УИХ-д нэр дэвшигчид хүртэл зорин ирж, хүслээ шивнээд буцдаг болжээ. Ардын их найрагч Лхамсүрэнгийн мэндэлсний зуун насны ой ирэх арван долоон онд болох учраас Баацагаан сумынхан эртнээс ойд бэлдэж буйгаа ярьж байсан.

Сумын байгаль хамгаалагчийг “Бүсгүй хүн гарч болдоггүй овоо байгаа юм” гэж эрчүүдэд учирлаж зогсох зуур аяллын гурван бүсгүй маань мөнөөх овоог хэдийнэ нар зөв тойроод гороолж явахыг үзсэн бид “Манай гурваас ч мундаг бөх төрөх нь гарцаагүй боллоо” гэцгээн цувраа гурван Аргалантын наана цайвалзан мэлтэлзэх Бөөн цагаан нуурыг зорилоо. Бөөн цагаан нуур шувууд ч үгүй амгалан амирлана. Төдөлгүй намрын сэвэлзүүр салхин тунгалаг мандлыг нь гүвэлзтэл долгисуулахад эрчилсэн цагаан давалгаа ар араасаа уралдан хөвөөгөө алгадан сүртэй чимээ гаргана. Есөн жилийн өмнө ирэхэд саваа багагүй дундарсан байсан Бөөн цагаан нуур энэ зун цатгалан сайхан байсныг хөвөөнд нь очих зуур ус нэвчсэн гутал минь гэрчлэх нь тодорхой. Нутгийнхны “Цагаан далай ээж” хэмээн нэрийдсэн Монголын говийн давст Бөөн цагаан нуурт миний төрж өссөн Заг-Байдрагийн голууд цутгадаг сан билээ. Нуурын уснаас магнайдаа хүргэхэд ээжийн минь гар илээд авах шиг цаанаа л нэг дотнохон. Бөөн цагаан нуурын шувууд үүрлэдэг арал жилээс жилд эзгүйрэх болсон талаар нутгийнхан шүүрс алдан ярьцгаах аж. Усны шувууд хүний хөл үймээнээс дайжин ийнхүү төрөлх нууртаа ч ойртохоо больсон бололтой. Далай ээжийг хөвөөлөн явсаар цутгал голыг гэтлэх үед манай машины жолооч Батжаргал ах маань барьц алдан голд унаагаа унтраахдаа “Говийн хүү болохоос би голын жараахай биш” гэж тунирхсан үг унагаж хамгийн анхны онигооны эзэн болов.

Үргэлжлэл бий

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ улс-төр

Х.Нямбаатар гишүүнийд амьдралынх нь амттай түүхийг яриулан саатахуй

Өнөө жилийн УИХ-ын сонгуульд ард түмнээс хамгийн олон санал авсан гишүүдийн нэг нь Х.Нямбаатар. Тэрээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс УИХ-д нэр дэвшиж 12280 хүний санал авсан. Нэг ёсондоо сонгогч олон түүнд дуу нэгтэйгээр саналаа өгч итгэл хүлээлгэжээ. Шинэхэн гишүүний нэг өдрийн ажил, ахуй амьдралтай танилцахаар “Танайд өнжье” буландаа урьсан юм. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы хуралдааны дараа ажлынх нь өрөөнд уулзав. Намрын чуулганаар хэлэлцэж буй эхний асуудал болох 2017 оны төсвийн хуулийн талаарх мэдээ баримт ширээн дээрээ дэлгэчихсэн сууж байна. Тэрээр “Эдийн засаг хүнд байна. Гэхдээ бидэнд гарц бий. Хүнд хэцүү байдлыг шийд гэж ард түмэн биднийг энд суулгаж байгаа” гэсээр угтав. Хуулийн төсөлтэй танилцах, үнэлэлт дүгнэлт өгөх их ажлаас нь хэсэг хөндийрүүлж аав ээж, нутаг усных нь тухай ярилцлаа. Угсаа гарвалаа хөөвөл тэрээр Хэнтийнх ажээ. Өвөг эцэг Ц.Арилд нь хуучнаар Сэцэн хан аймгийн Дайчин далай вангийн хошуу буюу одоогийнхоор Хэнтийн Баян-Овоо сумын хүн байж. Нутагтаа 40 гаруй жил эх баригчаар ажиллаж, Бэрхийн уурхайн хүн эмнэлгийг байгуулалцаж явсан гэнэ. Харин аав нь тээврийн жолооч байжээ. Тиймээс хүүхэд насаа аавтайгаа хамт “Зил-130” машины кабинд өнгөрөөсөн гэнэ. Аав нь хаашаа тээвэр хийнэ, хүү нь дагаад л явдаг байж. Жонш олборлодог Бэрхийн уурхай бол Х.Нямбаатарын өссөн газар. Түүнийг арван нас хүрэх үед гэр бүлээрээ Улаанбаатар хотын айл болохоор нүүж ирсэн гэнэ. Хотод ирээд нийслэлийн 48 дугаар сургуулийн сурагч болжээ. Дунд сургуульд байхдаа тэрээр ангийнхаа онц сурлагатнуудын нэг байж. Физик, хими, математик гээд бүх л хичээлдээ онц сурч бусдыгаа манлайлна. Тэгсэн мөртлөө сахилгагүй гэж жигтэйхэн. Хаана, хэн сахилгагүйтнэ, тэнд Х.Нямбаатарын нэр заавал дуулдана. Заримдаа бүр багш нарын зөвлөлийн хурлаар орж шийтгүүлдэг байжээ. Харин дараа нь аль нэг хичээлээр олимпиадад түрүүлж гэмээ цайруулдаг байсан гэнэ. Бас спорт, урлагийн аль ч төрөлд ангийнхнаа аваад гарчихдаг сэргэлэн нь дэндсэн хүү байж. Ийм болохоор тэрээр ангийн найзуудынхаа дунд нэр хүнд сайтай, багш нарынхаа хайртай сурагчдын нэг болсон гэнэ. Хэдийгээр сургуулиа төгсөж амьдралын зам мөрөө хөөгөөд 18 жил болж байгаа ч гэлээ сонгуульд нэр дэвшлээ гэхэд ангийнхан нь бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж сурталчилгааны ажилд эрвийх дэрвийхээрээ оролцжээ. Энэ талаар тэрээр “УИХ-ын сонгуульд хамт олон, найз нөхдийнхөө хүчээр л амжилттай оролцсон. Шөнө унтах завгүй, биеэ хэд хувааж ажилламаар цагт найз нөхөд, анги хамт олон маань гол ажлуудыг нугалж өгсөн” гэж байлаа. Гишүүнтэй ийн хөөрөлдөөд гэр рүү нь явахаар болов. Эднийх “Оддын хотхон”-д амьдардаг ажээ. Очиход гэргий нь гурван хүүхдийнхээ хамт гаднаас зэрэгцэн орж ирлээ. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгээс нь аваад гэртээ ирж байгаа нь энэ. Том охин Н.Мишээл хятад сургуулийн сурагч гэсэн. Дунд охин Н.Минжин нь турк сургуульд сурдаг ажээ. Харин бага хүү Н.Хүслэн цэцэрлэгт явж байгаа гэнэ. Хүүхдүүд нь аавыгаа бусад өдрөөс эрт ирснийг хараад баярлаж байна гэж жигтэйхэн. Гэр нь цаанаа нэг халуун дулаан уур амьсгалтай, бусдаас ялгарах зүйлгүй, орчин үеийн залуу гэр бүлийн жишигтэй юм.

Х.Нямбаатар гишүүний гэргийг И.Баярмаа гэдэг. Тэд “Орхон” их сургуулийн оюутнууд байхдаа танилцаж гэр бүлийн амьдрал зохиожээ. Х.Нямбаатар тус сургуулийн хуулийн ангийг, эхнэр нь франц хэлний орчуулагчийн ангийг төгсчээ. Х.Нямбаатар бас л онц сурч сургуулийнхаа хэмжээнд зохиогдсон эрдэм шинжилгээний хуралд байнга илтгэл тавьж түрүүлнэ. Бас оюутнуудын дунд зохион байгуулдаг илтгэлийн тэмцээнд сургуулийнхаа урдаа барьдаг “алтан толгойт” байсан гэсэн. Хаана, ямар л эрдэм шинжилгээний хурал, илтгэлийн тэмцээн болно тэр бүгдэд оролцохдоо заавал ч үгүй алтан медальтай ирдэг байжээ. Ингэж номын мөр хөөн явахдаа Соросын сангийн тэтгэлгээр их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд оролцон гуравдугаар байр эзэлж 300 ам.доллараар шагнуулжээ. Тэр нь 1999 он. Тухайн үед дөнгөж гэр бүл зохиогоод байсан учраас шагналынхаа мөнгөөр зурагт авсан нь эдний гэрийн анхны эд зүйл. Иймэрхүү амжилттайгаар оюутны дөрвөн жилийг ардаа орхиж сургуулиа төгсөх үед багш нар нь Х.Нямбаатарыг сургуульдаа туслах багшаар үлдэхийг санал болгосон байна. Ингэж ажил амьдралынхаа гарааг оюуны их уурхайд “багш аа” гэж дуудуулснаар эхлүүлжээ. Х.Нямбаатар гэргий И.Баярмаатайгаа оюутан байхдаа ханилсан учраас өөрсдийн гэх гэр орон, унаа тэрэггүй. Бүх зүйл, сайхан ирээдүй өөрсдийнх нь гарт байгаа гэж итгээд сургуульдаа багшлахын зэрэгцээ өөр сургуульд цагаар хичээл зааж ажил хөдөлмөрийн амтанд шимтсэн гэдэг. Гэр бүл зохиосон эхний хэдэн жил толгой дээш татах ямар ч завгүйгээр хөдөлмөрлөдөг байсан нь түүнийг зүгээр сууж чадахгүй, эхлүүлсэн ажлынхаа ард заавал ч үгүй амжилттай гардаг занд сургасан гэнэ.

Эрхэм гишүүн анх хадмынхаа нэг өрөөнд амьдардаг байжээ. Удалгүй цалингаа хуримтлуулсаар Дарь-Эхэд хашаа худалдан авч гэр барин өрх тусгаарлаж байсан гэнэ. Дарь-Эхийн энэ л хашаандаа ах дүү, хамаатан садан, найз нөхөд, хамт олноо урин авчирч Х.Нямбаатарынх гэдэг нэгэн айлын гал голомтыг бадраасан байна. Тэр үеийн анхны эд хогшил нь хоёр ширэмтэй “Мечта” плитка. Бас зурагт, ор зэрэг л байж. Яваандаа ажил хөдөлмөрийнхөө шимийг хүртэж монгол гэрээ модон байшин, дараа нь нэг өрөө, хоёр өрөө, гурван өрөө байраар солиод хамгийн сүүлд одоогийнхоо амьдарч буй дөрвөн өрөө орон сууцанд нүүж ирсэн гэнэ. Энэ бүхэн Х.Нямбаатарынх гэх айлын аз жаргалтай үеийн нандин дурсамжууд ажээ. Хэдийгээр одоо залуу байгаа ч гэлээ амьдралаа эхлүүлж байх үеийн гэгээн бүхнээ “Бид хоёрын залуу насны дурсамж” гэсээр ярьж байв. Өөрсдөө амьдралынхаа бүх зүйлийг А-гаас эхлүүлж байсан болохоор гурван хүүхдээ бэлэнчлэх сэтгэлгээнээс хол өсгөн хүмүүжүүлжээ. Хүүхдүүд нь ч аав ээжээсээ ийм, тиймийг нэхэхээс илүүтэй хичээл номдоо анхаарлаа хандуулдаг гэсэн.

Амьдралынх нь амттай түүхийг яриулан суух хооронд гэргий нь оройн хоолоо бэлдчихэж. Гараа гаргаж бэлдсэн хоолыг идэнгээ өвөөгөөс нь өвлөгдөж ирсэн тулгынхаа тухай ярьж өгөв. Эдний гэрийн хамгийн үнэ цэнэтэй эд болох энэхүү тулга Х.Нямбаатарын өвөөгийн эдэлж хэрэглэж байсан зүйл ажээ. Гэр бүл зохиож Х.Нямбаатарынх гэдэг өрх айлын эзэн болсных нь дараа эрүүл энх, аз жаргалтай, урт удаан амьдрахыг ерөөн бэлэглэсэн гэнэ. Гэрт нь орж ирсэн цагаас хойш анзаараад байхад гэргий нь нөхөртөө тун ч халамжтай юм. Бас залуу гэр бүлд тэр бүр байдаггүй бие биедээ хүндэтгэлтэй хандах хандлага эдний гэр бүлийн эрхэм зүйл бололтой.

Х.Нямбаатар “Орхон” их сургууль, Цагдаагийн академи, Удирдлагын академийг тус, тус төгссөн. Суралцаж байх хугацаандаа Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Эрхзүйн боловсролын академийн гишүүн болжээ. Өмгөөлөгчөөр ажиллаж байсан нь түүнийг төрийн албанд зүтгэх зорилготой болгосон гэсэн. Өдөр бүр л янз бүрийн зовлонтой, асуудалд орооцолдсон хүмүүс ирж уулзан зөвлөгөө авна. Ингэж ирсэн хүмүүсийн дийлэнх нь өөрийн буруугүйгээс болж хохирсон, арга учраа олохгүй будилчихсан явдаг байж. Тиймээс тэдэнд туслах, нийгмийн олон асуудлыг шийдэх, хууль эрхзүйн орчинг илүү боловсронгуй, иргэддээ халгүй болгох үүднээс 2008 онд нутгийн захиргааны байгууллагад ажиллаж эхэлжээ. Сонгинохайрхан дүүргийнхээ ИТХ-ын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-д нэр дэвшин ялалт байгуулсан байна. Хүмүүс санаж байгаа байх, их аварга Асашёорюү Д.Дагвадорж өнгөрсөн сонгуулийн үеэр Ардчилсан намыг дэмжиж сурталчилгаанд оролцсон гэдгийг. Тэгсэн мөртлөө МАН-аас нэр дэвшсэн ганцхан хүнийг тусгайлан дэмжиж байсан. Тэр нь Х.Нямбаатар. Энэ талаар нь асуухад “Монгол хүн бүрийн хайр хүндлэлийг хүлээсэн Аса аварга бид хоёр бие биенээ олон жилийн өмнөөс мэднэ. Намайг УИХ-д нэр дэвших болсныг сонссон даруйдаа дэмжинэ шүү гэдгээ хэлсэн. Намайг тойргийнхоо иргэд, сонгогч олонтой уулзаад явж байхад хүрч ирж үг хэлсэн. Үүнд их баярласан. Ер нь ард түмнийхээ төлөө ажиллах гэж байгаа хүн олон сайхан найз нөхөд, хамт олныхоо дэмжлэгээр сонгуульд оролцдог юм билээ” гэв. Түүний хувьд сонгуулийн сурталчилгааны үеэр өдөр, шөнө гэлтгүй их ачаалалтай ажилласан гэсэн. Ерөнхийдөө дүүрэгтээ найман жил ажиллачихсан учраас иргэдийнхээ амьдрал, тулгамдаж буй асуудал зэргийг мэдэхийн дээдээр мэдэж байж. Тиймдээ ч иргэдийн дэмжлэгийг чамгүй авчихаад байсан гэнэ. Санал авах өдөр ганцхан хороо л санааг нь зовоож байжээ. Дүн гарах үед өөрийнхөө штаб дээр хамт олонтойгоо сууж байсан гэнэ. Өнөө яах бол доо гэж эргэлзэж байсан хорооны дүн мэдээ ирэхэд илэрхий ялчихаж. Тэгэхээр нь ялалт байгуулах нь тодорхой боллоо гэж бодоод дүүргийнхээ сонгуулийн хороон дээр иртэл Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн зургаан хүн зургуулаа ялалт байгуулсан сайхан мэдээ угтжээ.

УИХ-ын гишүүн болсон тухайгаа тэрээр “Өнөөдөр асуудал тулгарах бүрт төр буруутай мэтээр ярьдаг болсон байна. Ард түмнийхээ итгэлийг алдсанаас болоод төр, түшээдийн нэр хүнд их унажээ. Одоо энийг өөрчлөх цаг болсон. УИХ-д сонгогдож буй хүмүүс юун түрүүнд өөрийгөө хувь хүн талаасаа бэлдсэн байх ёстой. Эрдэм мэдлэгээ тэлэхийн зэрэгцээ ахуй амьдралын асуудлаа шийдсэн хойноо улс төрд хүч үзээсэй гэж боддог. Түүнээс биш улс төрд орж мөнгөтэй болно гэх ойлголтыг бүр мөсөн үгүй хийхийн төлөө ажиллана” гэж байлаа. Одоогийн залуус хувийн компанид өндөр цалинтай ажиллах биш, төрийн байгууллага руу зүтгэдэг сэтгэхүйг өөрчлөх ёстой хэмээж байв. Мөн эдийн засаг хүнд байгаа энэ үед эдийн засгаа эрүүлжүүлэх зоригтой алхмууд хийх ёстой. Халамжийн хөтөлбөрийг танаж буйг зөв гэж бодож байгаа гэлээ. Ирэх дөрвөн жил тэрээр хот төлөвлөлтийн стандартыг хангах асуудал дээр тусгайлан ажиллана гэсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн агаар, хөрс маш их хэмжээгээр бохирдсон. Үүнээс улбаалж гүний ус руу хортой бодис орж эхэлсэн болохоор сэтгэл нь түгших болжээ. Бүр шинээр төрж буй хүүхдүүдийн цээжний тойрог нарийсаж буй гэх мэдээ сонссоноос хойш хот төлөвлөлтийг өөрчлөх ёстой гэдгийг баттай ойлгож авсан гэсэн. Мөн тэрээр хуульч мэргэжлийнхээ хүрээнд эрхзүйн шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй хуулиуд дээр мэдлэг боловсролоо шавхаж ажиллахаар зорьжээ. Ямартай ч парламентын бүрэн эрхийнхээ хугацаанд өөрийн мэддэг чаддаг бүхнээ бүрэн зориулан ажиллана гэж байв.

Ийн ярилцах зуур гишүүний утас тасралтгүй хангинаж байлаа. Хэдий цаг орой болсон ч гэлээ Сонгинохайрхан дүүргээс нь дуудаж байв. Тэрээр орон нутгийн сонгуульд дүүргээ хариуцсан менежерээр ажиллаж байгаа болохоор зав л гарвал сонгуулийн штаб руугаа гүйдэг ажилтай болжээ. Гэрийнхэн нь ч түүнийг оройтлоо, ажил ихтэй байна гэсэн гомдлын үг хэзээ ч хэлж байгаагүй гэсэн. Их сургуулиа төгссөнөөс хойш амьдралаа төвхнүүлэхийн тулд өдөр шөнөгүй ажиллаад сурчихсан болохоор ачаалал ч сайн даадаг гэнэ. Гэргий нь “Миний хань төрийн их ажилд зүтгэхээр тангараг өргөсөн. Ингэж ажиллахаас өөр аргагүй. Ажилдаа бүрэн анхаарлаа хандуулах боломж, нөхцөлөөр хангахыг хичээдэг юм” гэлээ. Хүүхдүүд нь ч завгүй байна, бидэнтэй тоглосонгүй гэж гомдоллохын оронд ажил хөдөлмөрт махран шамдахын жишээг ааваасаа үлгэрлэдэг ажээ. И.Баярмаа эгчтэй ойр зуурын сонин хачин хөөрөлдөх хооронд Х.Нямбаатар гишүүн хувцаслачихаж. Дүүрэг рүүгээ гараад давхичихъя гэж байна. Түүнтэй хамт гэрээс нь гарав. “Монголын заяа их ээ. Бид агуу их түүхтэй улс орны эзэд. Бахархах зүйл бидэнд их бий. Хожмын үеийнхэндээ амар тайван амьдралтай сайхан ирээдүй бүтээхийн төлөө зүтгэнэ ээ” гэж хэлээд дахин уулзахын ерөөл тавин одлоо.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Албан тушаалд очсон залуусын зам АТГ-аар төгсдөг нь гунигтай

Сүүлийн үед аль нэг улс төрийн нам эрх барихад залуус өндөр албан тушаалд мэр сэр очдог болжээ. Харин тэрхүү улс төрийн хуцнууд иймэрхүү томилгоогоо залуучуудыг дэмжиж байна, шинэ үеийнхэн төрд ажиллах ёстой гэхчилэн сурталчилдаг. Томилогдсон залуус ч мэргэжил, боловсролоороо хэнээс ч дутахааргүй болж. Голдуу гадаадад их, дээд сургууль төгссөн иймэрхүү залуусыг үеийнхэн нь ч дэмжиж байна. Тэд бусдыгаа манлайлан төр түшилцэж нэг хэсэгтээ мандаж байгаа. Гэвч ингэж очсон залуусын дийлэнх нь эцсийн дүндээ гэмт хэрэгт холбогдон АТГ-ын хаалга татах болжээ. Зарим нь ч бүр шорон оронд ороод дуусах юм. Юун мэдлэг боловсролоо зориулан төрд зүтгэх, юун бусдыгаа үлгэрлэн эрдэм чадлаа гайхуулан ажиллах манатай болчихоод байна. Хэдхэн сарын өмнө төрийн өндөр албан тушаалд томилогдоод ажилдаа ханцуй шамлан орж байсан залуу жил ч бололгүй шоронгийн хаалга татаж байна. Нийгмийн бухимдал төрүүлж, хэрэгт холбогдож буй залуусын жишээг олон нийт мэднэ дээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат саатуулагдлаа. Тэрээр 2004 онд Н.Батбаярыг Эдийн засгийн хөгжлийн сайд байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан. Удалгүй Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд очиж байсан. Харин өнөөдөр тэрээр “Чингис”, “Самурай” бондын мөнгөний зарцуулалтаас болоод баривчлагдаад байна. Бас өнгөрсөн жил олныг шуугиулсан Г.Дэнзэнг олон хүн мартаагүй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн тэрээр гучин нас ч хүрээгүй байхдаа “Эрдэнэс МГЛ” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар сонгогдож байв. Түүнийг эхнэрийнхээ компанид 17 тэрбум төгрөгийн тендер авч өгсөн хэргээр саатуулаад байгаа. Уг нь тэрээр сурлага, спортоор үеийнхнээ манлайлж байсан юм билээ. Замын-Үүдэд дунд сургуулиа төгсөөд МУИС-д хэрэглээний математикаар сурч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, МУИС-ийн Математик, компьютерийн сургуульд багш, УИХ дахь АН-ын бүлэгт ажиллаж байсан. Мөн хорин хэдэн настай байх үеэсээ л Төрийн банк болон ШУТИС-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан аж. Гэтэл өнөөдөр албадан саатуулагдаад байгаа. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн хэрэг бас л нийгмийг шуугиулсан. Цагдаагийн тусгай тасагт ажиллаж байгаад 1999 оноос мэргэжлийн бие хамгаалагчдыг бэлтгэдэг олон улсын холбоонд элссэн байдаг. Бие хамгаалагч, тэр дундаа өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжлийн хүн болохоор хэд хэдэн сургууль төгссөн түүнийг УИХ-ын гишүүн асан Х.Баттулга дэргэдээ авч улмаар Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон. Гэсэн ч өнөөдөр бас л шоронд хоригдон шалгуулж байгаа.

Харин өнөөдөр сургууль соёлд амжилттай суралцаад, бусад залууст үлгэр дуурайл болон ажиллаж байсан залуус яагаад “аавын” хаалга татаад байна вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Элдэв хэрэгт холбогдож шалгагдаад яваад байгаагийн гол учир нь том улстөрчдийн гар хөл болдогт байх шиг. Туршлагатай, хал үзсэн улстөрчид хууль бус үйлдэл хийхдээ залуу хүмүүсийг өөрийнхөө өмнөөс тавьчихаад байна. Яг л нохойд барьдаг мод шиг. Залуус тэдний энэ үйлдлийг таамаглахгүйгээр гэнэн зангаар хандаж эцэст нь шоронд ороод дуусах юм. Уг нь хэний ч өмнө нүүр улайхааргүй боловсролтой залуус дурын нэг хүнд тийм ч амархан тархиа базуулчихгүй. Гэтэл тэд хууль мэдэхгүйгээс болж ингэж алдаад байгаа болов уу. Үүний зэрэгцээ залуу хүний хөнгөн, хашир биш зан байдаг л байх. Гэхдээ төрийн өндөр алба хашиж буй бол залуу насаар өөрийгөө хаацайлж болохгүй. Ямар ч асуудалд ул суурьтай ханддаг болмоор байна. Ингэхийн тулд төрийн ямар ч шатны албанд ажиллаж буй залуус хуулиа сайн мэддэг болмоор байгаа юм. Ядаж л Үндсэн хуулиа маш сайн судлах хэрэгтэй. Цаашлаад ажиллаж буй салбарынхаа холбогдох хууль, тогтоомжийг эхнээс нь дуустал яв цав цээжилчих. Хэрэв төрийн албанд карьер хөөж ажиллана гэж бодож байгаа бол танил тал харж гүйхээсээ өмнө эхлээд хуулиа сайн судлах хэрэгтэй. Үүнийхээ дараа албан тушаалд дэвш. Зоригтой ажилла. Залуу хүн алба хашна гэдэг муу зүйл огтоосоо биш. Харин ч бусдаас илүү зоригтой, тууштай ажиллах ёстой юм. Хамгийн гол нь ямар ч албан тушаалд очоод бие хүн баймаар байна. Намайг ажилд оруулж ирсэн юм чинь, энэ өндөр албан тушаалд томилсон юм чинь гэдэг байдлаар бусдад хандах хэрэггүй. “Хуулийн дагуу ажиллахгүй бол хоёулаа хамтдаа шоронд орно. Тиймээс хууль зөрчихгүй, болохгүй” гээд зогсож байх чадалтай бие хүний шинж залууст дутагдаад байна. Өөрийгөө өртэй болсон мэт сэтгээд хууль бус үйлдлийг нүдээ аниад хийхийнхээ оронд хэнбугайд ч үгүй гэж хэлээд сурчих. Болохгүй зүйлийг нь мэдэж байгаа бол үгүй гэж шуудхан хэлэх зоригтой бай. Хүнд үгүй гэж хэлж сур. Энэ бол аливаа эрсдэлээс, АТГ-аас, шоронгоос хамгаалах хамгийн чухал алхам. Дээрээс нь хуулиа сайн судалчих. Чамайг хамгаалах ганц зүйл бол хууль. Өөр юу ч биш. Хуулийн дагуу ажиллахад хэн ч, яах ч үгүй. Хэн нэгэн дарга, албан тушаалтанг таньдаг байлаа гэхэд буруутай үйлдлийн чинь төлөө тэд чамайг хуулийн өмнө хамгаалж дийлэхгүй. Хуулиа мэдэхгүйгээс болоод, бусдад сайн хүн болох гэж буруу шийдвэр гаргаад залуу сайхан насаа шоронд өнгөрүүлж байгаа бол өөрийн чинь буруу. Тиймээс хэний ч өмнө, ямар ч эрх мэдэлтний өмнөөс буруу шийдвэр гаргаж өөрийгөө хохироохгүй байх хэрэгтэй. Эцсийн эцэст өөрийнхөө толгойг чи өөрөө л хариуцаж үлдэнэ.

Буруудаад ирэх цагт чинь нөгөө тэнгэр мэт, сүмбэр уул шиг ахсаж, найзархаж байсан нөхөд чинь хэзээ ч уулзаж байгаагүй мэт аашлах болно. Ийм л хоёр нүүртнүүд чамайг тойрон эргэлдээд байгааг залуус минь анзаарахсан.


Categories
мэдээ цаг-үе

Н.Учрал: Нийгмийн аль ч салбарт хатуу хяналт, шалгалтууд хэрээс хэтэрлээ

Намрын чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганаар ямар, ямар
асуудал хэлэлцэх вэ?

-Намрын чуулганаар юун түрүүнд 2017 оны төсвийг хэлэлцэнэ. Бүх л
тойргоос сонгогдсон гишүүд өөрсдийнхөө тойрогт хөрөнгө оруулалт хийхийг зорьж байна.
Шаардлагатай байгаа цэцэрлэг, сургууль, дэд бүтцийн асуудлаа шийдүүлэхийн төлөө
ажиллаж байгаа. Гэхдээ ирэх жилийн төсөвт бид бодсоноороо хөрөнгө суулгаж чадахгүй.
Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Гэсэн ч шаардлагатай олон ажил урагшилж
байх ёстой. Гол нь төсвийн зарлагыг бууруулж өгөхгүй бол болохгүй байна. Төсвийг
захиран зарцуулж буй хүмүүст эрх нь байдаг учраас орон тоогоо багасгахын оронд бага
цалингаар олон хүн ажиллуулаад байдаг. Ингэж төрийн бүтцийг данхайлгаад байгаа юм.
Тэгэхээр бүх салбарт орон тооны нормыг тогтоож өгөх хэрэгтэй байна. Өнөөгийн нийгэмд
зохицуулалт хийж өгөх хэрэгтэй. Ингэж чадвал төсвөө хэмнэх гарц харагдаж байна.
Төсвийг хэмнэж байж л хөрөнгө гаргаж авахгүй бол заавал хэрэгжүүлэх шаардлагатай
ажил зогсох гээд байгаа. Миний хувьд бүтцийг цомхон болгох тал дээр хэд хэдэн санал
боловсруулсан. Тухайлбал, суманд байгаа төсвийн байгууллагын санхүүгийн аппаратыг
нэгтгэх боломж харагдаж байна. Мөн багийн иргэдийн хурлын даргын нэмэгдлийг зогсоох
шаардлага бий. Татвар нэмэх тухайд хамгийн түрүүнд газрын асуудлыг судалж үзмээр
байгаа юм. 0.07 га газрыг нэг иргэнд биш, нэг өрхөд эзэмшүүлдэг болмоор байна. Тэгэхгүй
бол өнөөдөр уул болгоны амыг хашаад авчихаж. Их хэмжээний газар эзэмшиж буй иргэдээс
өндөр татвар авдаг болох хэрэгтэй.

-Ээлжит бус чуулганы үеэр Засгийн газраас татвар нэмэгдүүлэх хуулийн
төсөл оруулж ирэхэд УИХ-ын гишүүд дэмжээгүй шүү дээ?

-Үнэхээр шаардлагатай тохиолдолд татвар нэмэх ёстой. Хүн амын орлогын
албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг ард иргэдийн халаас руу өнгийсөн
татварын хэлбэрийг оролдмооргүй байна. Харин Зайсан зэрэг уулын аманд том том газар
аваад хашчихсан хүмүүсээс татварыг нь авах хэрэгтэй. Мөн өндөр цалинтай хүмүүсээс
татвар ахиу авахад болохгүй гэх зүйлгүй.

-Хэрэгжүүлж чадах болов уу?

-Саналуудаа тусгаад дуу хоолойгоо хүргээд явъя гэж бодож байна. Миний
сонгогдсон Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд цэцэрлэг, сургуульгүй хороо байна. 10
мянган хүнтэй хороо нэг ч сургууль, цэцэрлэггүй байна шүү дээ. Газрын асуудал мөн
хөндөгдөж байгаа. Дээрээс нь дахин төлөвлөлтийн олон асуудал яригдаад байна. Тэгэхээр
сургууль, цэцэрлэгтэй болох асуудлыг ямар нэгэн байдлаар ирэх оны төсөвт суулгаж
өгөхгүй бол болохгүй. Гэхдээ манай дүүргийнхэн улсын төсвийг харж суухаас илүүтэй
гадны хөрөнгө оруулалтууд хайж л байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын
газар тухайн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэйгээ хамтраад 50 сая еврогийн урт
хугацааны зээл авахаар хөөцөлдөж байгаа. Унгарын хөгжлийн агентлагтай энэ талаар
ярилцаад одоогоор санамж бичигт гарын үсэг зурчихлаа.

-Ээлжит бус чуулганаар буцаагдсан хуулиудыг намрын чуулганаар хэлэлцэнэ.
Өмнөх парламентын үед ёсчлоогүй байсан хуулиудыг дахин хэлэлцэнэ биз дээ?

-Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокуроын байгууллагын тухай,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүү, зөрчлийн
тухай хуулиуд өмнө нь ёсчлогдоогүй байсан. Буцаагдсан учраас процессынхоо дагуу
дахин орж ирж байна. Өмнөх парламентын хууль хэдий ч шинэ гишүүд батална. Тиймээс
дахин хэлэлцүүлж явах нь зөв. Хамгийн гол нь энэ болгоныг улстөржүүлэх хэрэггүй.
Ёсчлоогүй, Төрийн мэдээллийн эмхэтгэлд хэвлээгүй учраас дахин хэлэлцэхээс өөр аргагүй.
Хэлэлцээд батална.

-Хэлэлцэх асуудал дунд ач санах тухай хууль гэж байна лээ. Энэ ямар
учиртай хууль юм бэ?

-Насны хишиг тэтгэврийн хуультай холбогдуулаад Ач санах тухай хууль
орж ирж байгаа. Би чуулган эхлэхээс өмнө тойргийнхоо сонгогч олонтой уулзаад ирлээ
л дээ. Иргэд Насны хишгийг тэтгэврийн зөрүү арилгахтай холбож өгөөч гэж байна. Хуучин
нийгэмд хүмүүс ажлын зургаан өдөртэй байсан. Улсад олон жил хөдөлмөрлөчихөөд
200 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон байдаг. Тухайн үедээ мөнгөний ханш чанга
байхад болдог байсан бол өнөөдөр амьдралд нь хүрэлцэхгүй байна. Гэтэл сүүлийн хэдэн
жил тэтгэвэрт гарч буй хүмүүс дор хаяж дөрөв, таван зуун мянган төгрөгөөр тогтоолгож
байгаа. Тиймээс энэ зөрүүг тооцож үзэх хэрэгтэй болчихож. Ялангуяа Насны хишгийг
олгохдоо доороос нь шаталж олгоё гэж бодож байна. Одоогийн байдлаар 70 настай хүнд
100 мянга, 80 настайд 200 мянга, ерээс дээш настайд 300 мянган төгрөг олгохоор яригдаж
байгаа. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх учраас нэлээн анхаарал хандуулна гэж бодож
байна.

-Боловсролын зээлийн сангийн тухай хууль орж ирж байгаа. Та өмнө
нь боловсролын салбарт ажиллаж байсан. Уг хууль хэрэгжсэнээр боловсролын салбарт
ямар сайн үр дүн гарах бол?

-Уг зээлийн санд 101 тэрбум төгрөг байршуулъя гэж ярьж байгаа. Үүнээсээ
20 тэрбумыг оюутны тэтгэлэгт буюу 70 мянгад зориулна. Харин дараа жилээс оюутнууд
дээрх сангаас зээл авдаг болох юм. Их зөв хууль орж ирлээ гэж харж байгаа. Ер нь
манай оюутнууд төрөөс 70 мянган төгрөг авснаар сайжирсангүй. Харин ч бэлэнчлэх сэтгэлгээтэй,
хариуцлагагүй болсон. Зүгээр өгч буй, үнэгүй зүйл ямар ч хүнийг бэлэн зүйлд дуртай
болгодог. Харин зээл хэлбэрээр олгосноор оюутнуудын хандлага өөрчлөгдөнө. Эргэж
төлөх мөнгө учраас ядаж л хичээлдээ мэрийж эхэлнэ. Нөгөө талаасаа төр тэдэнд зээл
олгосон учраас мөнгөө буцааж олж авахын тулд сургуулиа төгсөх үед нь ажлын байраар
хангах юм. Тэгэхээр төгсөж буй оюутнуудыг ажлын байртай болгох үүргийг төр хүлээнэ.
Залуусыг ажилд авч буй компаниудыг төрийн зүгээс дэмжих хэрэгтэй. Энэ зээлийн сан
бий болсноор цаашид оюутны ажлын байрыг давхар бий болгох суурийг тавьж өгнө. Ер
нь их сайн судалгаатай, хөрсөн дээр наалдах хуулиуд орж ирж байна. Манайд хууль
гардаг, хэрэгжих гэхээр амьдралд нийцдэггүй. Хууль амьдралтай байх ёстой. Органик
хууль гэдэг юу юм бэ гэхээр батлагдсан хууль амьдрал дээр хэрэгжих бололцоотой байхыг
хэлж байгаа. Ард иргэдийн дунд ямар асуудал байна вэ гэдгийг сайн судалсан, гадны
жишгийн ололттой саналуудыг тусгасан ийм хуулиуд батлах ёстой. Тиймээс ер нь УИХ-аар
хэлэлцэж буй хуулийн төсөлд анхаарал хандуулж, дуугаръя гэж бодож байгаа. Би өөрөө
эрхзүйч мэргэжилтэй хүний хувьд парламентыг мэргэжлийн байх ёстой гэж боддог.

-Та Монголын залуу багш нарын холбооны тэргүүн. Багш нарын баярын
үеэр салбарынхантайгаа уулзсан байх. Ямар асуудал тулгарч байдаг юм бол?

-Багш нар онцгой нөхцөлд ажилладаг. Байнгын дуу чимээ ихтэй. Орчин
нөхцөлийн хувьд ч онцгой нөхцөл гэж хэлж болно. Гадны жишгийг анзаараад байхад олон
хүүхэдтэй ангид заавал туслах багш байдаг. Манай багш нар бүх зүйлийг ганцаараа
болгож байна. Багшийн нөхцөл онцгой нөхцөл мөн үү гэдгийг тодруулж судлахын тулд
Стандарт, хэмжил зүйн газар руу бичиг явуулах гэж байгаа. Багш нар орчин нөхцөлийнхөө
тухайд гомдолтой байдаг. Чимээ шуугиан ихтэй орчинд хүүхэд бүртэй тулж ажиллана.
Дээрээс нь байнга шохой хэрэглэдэг. Тиймээс багш нарыг онцгой нөхцөлд ажилладаг
гэдгийг нь тодорхойлоод өгчихвөл нэмэгдэл авах юм. Ийм гарц бий. Төсөв мөнгө хүнд
байгаа үед заавал шийдэх албагүй. Яваандаа багш нарт маань хэрэгтэй. Ер нь багш
нартай уулзахаар нийгмийн асуудал л ярьдаг. Орон сууцанд оръё гэхээр цалин нь хангалтгүй.
Хуучин дэвтэр засалтын мөнгө авдаг байсан бол одоо тийм нэмэгдэл байхгүй. Миний
хувьд боловсролын салбарт нэг л зүйлийг бий болоосой гэж хүсдэг. Юу вэ гэхээр хүүхдүүдийг
сургуулиар нь ангилдаггүй болгомоор байна. Лаборатори, энгийн сургууль гэхчилэн
маш олон зиндаатай болчихож. Хүүхдүүдийн дунд шилдгүүдийн сургуульд, тааруухан сургуульд
сурдаг гэсэн зааг гарчихсан байна. Гэтэл өнөөдөр Японд ямар ч хүүхэд гэртэйгээ ойр
сургуульд л ордог. Бүх сургууль нь ижил стандарттай. Анги танхим, спорт заал, багш
нар, сургалтын хөтөлбөр нь ялгаагүй. Харин манайд эсрэгээрээ байгаа. Хүүхдүүд сургуульдаа
явахын тулд өдөрт хэдэн цаг зарцуулж байгаа билээ. Эцэг, эх нь хүүхдээ аль гайгүй
сургуульд оруулах гэж хичээж байна. Ингэж хүүхдүүдийг ангилдаг болсон.

-Ялангуяа хотын төвийн сургуульд сурах, захын сургуулийн сурагч байх
хоёр хоорондоо маш их зөрүүтэй болчихсон юм шиг байна лээ?

-Бодит амьдрал дээр тийм л байгаа. Сургуулийн зиндаа, зэрэглэлийг
нэг түвшинд аваачих ёстой. Монгол Улсын дунд сургуулийн хөтөлбөр нэг л стандарттай
баймаар байна. Сургуулийн спорт, урлагийн заал ижил байхыг улс шийдэж өгөх хэрэгтэй
байна. Наад захын жишээ хэлэхэд л Сонгинохайрхан дүүргийн ихэнх сургууль өдрийн
гурван ээлжтэй хичээллэж байгаа. Ийм байхад сурагчид сургууль дээрээ бие дааж хичээллэх
талаар бодохын ч хэрэггүй болоод байгаа юм. Багшийн ачаалал бас хэт их болно. Энэ
асуудлыг л шийдэж өгмөөр байна. Их, дээд сургуулийн тухайд улсынхыг хувьчлахгүй
гэсэн байр суурьтай байгаа. Мөн боловсролын магадлан итгэмжлэлийг анхааралтай ажиглаж
байна. Уг нь магадлан итгэмжилсэн байгууллага тухайн сургуулийн ажлыг сайжруулдаг
байх ёстой. Үндсэн чиг үүрэг нь сургуулийн хөтөлбөрийг сайжруулахын төлөө ажиллах
шүү дээ. Шалгадаг байгууллага биш. Гэтэл өнөөдөр магадлан итгэмжлэлийн байгууллага
Мэргэжлийн хяналтынхны хянаж, шалгадаг ажлыг хийгээд байдаг. Манай нийгмийн аль
ч салбарт хатуу хяналт, шалгалтууд хэтрээд байна. Бүх түвшиндээ шалгалттай. Бие
биенийхээ ажил руу хошуу дүрсэн нөхцөл байдлыг цэгцлэх ёстой.

-Гуч гаруй мянган багш тэтгэвэртээ сууж байгаа. Гэтэл байшин бүрт
нээгдсэн өдөр өнжүүлэх төвийг мэргэжлийн бус хүн ажиллуулж байх жишээтэй. Тэтгэвэртээ
сууж буй, ажил хийх боломжтой багш нарыг ашиглах ямар боломж байна вэ?

-Тэтгэвэрт суусан багш нараар гэрээр хичээл заалгах, хичээлийн хоцрогдол
арилгуулах тал дээр ашиглаж болно. 55, 60 настай хүмүүс чинь залуу шүү дээ. Тэд
гэртээ суугаад юу хийх юм бэ. Ихэнх нь хувийн сургуульд багшилж байгаа. Монголын
төр хэрэгцээтэй хүмүүсээ хэт эрт хөөж явуулчихаад байна. Уг нь 65 настайдаа тэтгэвэрт
гарах хүсэлтэй хүмүүс бий. Жишээлбэл, багш нар 65 хүртлээ ажиллах боломжтой гэж
бодож байна. Тэтгэврийн насыг 55, 60-аар хавтгайруулах биш салбар бүрийн онцлогт
нь тааруулж харилцан адилгүй болгомоор байгаа юм.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Эдийн засгийн хүндрэлийн гол асуудал нь төр. Төр бүгдийг самраад хаячихдаг

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Ээлжит бус чуулганаар хэд хэдэн асуудал хэлэлцсэн. Тэр дундаа төсвийн тодотголыг хэлэлцсэн байгаа. Ерөнхийдөө үүргээ хэр биелүүлсэн бэ?

-Ээлжит бус чуулган урдаа тавьсан, хэлэлцэхээр төлөвлөсөн бүх асуудлаа шийдсэн. Холбогдох шийдвэрээ гаргасан болохоор урдаа тавьсан зорилтуудаа биелүүлсэн гэж дүгнэж байгаа. Ээлжит бус чуулганы үеэр яаралтай буюу цаг алдахгүй шийдэх ёстой асуудлууд байсан. Шийдвэр гаргахад амаргүй, нэлээн хурц хэлэлцүүлэг, шүүмжлэл дагуулсан хэд, хэдэн асуудал байлаа. Гол хэлэлцсэн асуудал гэвэл мэдээж хэрэг төсвийн тодотгол. Мөн Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Улс төрийн өнцгөөс харвал сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын үйл ажиллагаанд суулгаж өгсөн. Намын мөрийн хөтөлбөртөө тусгасан асуудлын 90 орчим хувийг суулгалаа. Энэ утгаараа чухал ач холбогдолтой болсон гэж харж байна. Гэхдээ биелүүлэх тал дээр амь нэгтэй, эв нэгдэлтэй, зүтгэж ажиллах хэрэгтэй болж байгаа юм. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас амар биш байна. Хамгийн энгийнээр, хялбараар шийдэж болох асуудлууд хүртэл амаргүй болчихсон байгаа нь харагдаж байна. Төсвийн орлогыг долоон их наяд хавьцаа гэж тооцоолж баталсан байтал бодит амьдрал дээр гүйцэтгэл ийм хэмжээнд хүрэхгүй болчихлоо. Тэгэхээр тодотгож өгөхөөс өөр аргагүй. Орж ирэхгүй мөнгийг орж ирнэ гээд гөжөөд яваад байлтай биш. Бидний гөжихөөс мөнгө орж ирэх, ирэхгүй хамаарахгүй болчихоод байна.

-Тийм болохоор л хасаж танаад байгаа биз дээ?

-Бодит амьдралтайгаа нийцсэн шийдвэр гаргах хэрэгтэй. Ер нь бодит байдал дээр хоёр их наядаар төсвийн орлого тасарч байгаа. Нөгөө талаасаа зарлага нэмэгдсэн. Төсвийн зарлагыг найм орчим их наядаар төсөөлж байсан бол сая арав болгосон. УИХ улс төрийн хэлэлцүүлэг хийгээд шийдвэр гаргалаа шүү дээ. Юу вэ гэхээр эдийн засаг хэчнээн хүнд байгаа ч гэлээ цалин тэтгэврийг бууруулахаа больё.

Бизнес хийж буй аж ахуйн нэгжийн татварын дарамтыг нэмэгдүүлэхгүй байя гэсэн шийдвэрүүд гаргасан. Нэгэнт орлого буурсан байгаа энэ үед иргэдийн нуруун дээрх ачааллыг нэмэхгүй гэж байгаа ч гэлээ аль нэг газраа дутагдаж буй зүйлийг нөгөө талаас нөхөж л таарна. Энэ ачаа төрийн нуруун дээр ирлээ гэсэн үг. Юу гэсэн үг вэ гэхээр орлогоо хасаж байгаа мөртлөө зарлагаа нэмж төр нуруун дээрээ ачааллыг авч байгаа юм. Үүнээс үүдээд харахад төсвийн тэнцэл нэлээн алдагдалтай гарч эхэлж байна. Төсвийн тэнцлийн алдагдал дөрвөн их наяд болж байгаа. Ийм хэцүү үед төр ачаа үүрэх улс төрийн шийдэл гаргаж болно. Гэхдээ ингээд яваад байх уу, яах вэ гэдэг дараагийн асуудал үлдэж байгаа юм. Нэгэнт хямралд өртсөн эдийн засагтай байхад тугалыг нь тураахгүй, эхийг нь эцээхгүй давна гэж бодож байгаа бол хямралаас сургамж авах хэрэгтэй. Бид хийрхлээсээ салж чадаагүй байна гэдэг дохиог энэ эдийн засгийн хямрал батлаад өглөө. Бид сая төсвийн хүрээний мэдэгдлээ бас баталлаа шүү дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 1.3 хувьтай байна гэж гаргалаа. Бодит амьдрал дээр ийм байж чадах уу, үгүй юу. Яахав, бид энэ жилийг ингээд давчихдаг юм байж. 2017 онд бид дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 2.3 хувьтай байна гэж тооцоолж байна. Зарлагыг нэмчихээр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьд хүрч байгаа юм. Энэ бол эдийн засагт төсвийн эзлэх хувь хэмжээ маш том болж данхайсан төр байгаагийн хамгийн том тоон илэрхийлэл болно. Тэгэхээр бид үүнийг аль болох буулгаж өгөх хэрэгтэй. 2017 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 2.3 хувь байна гэж өөдрөгөөр төсөөлчихлөө. Тэгэхгүй бол яах вэ гэдэг асуулт нээлттэй үлдэж байгаа. Яагаад гэвэл бид сүүлийн хэдэн жил байнга гоёор төсөөлж ирсэн шүү дээ. Гэвч амьдрал гоё биш, бахь байдгаараа л байна. Бидний төсөөллөөс хамаагүй бага хэмжээний өсөлттэй, сөрөг тоо гарч байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж буй зарлагын хэмжээ 40 буюу түүнээс дээш болбол яах вэ. Эдийн засаг даахааргүй том төр энэ хэвээрээ л үлдэнэ. Мэдээж хэрэг ийм хүнд үед бизнес эрхлэгчдийн татварыг нэмж болохгүй. Хүмүүсийн цалинг нэг цавчилтаар хасаж болохгүй. Гэнэт л гарч ирээд нөхцөл байдал ийм хүнд болчихсон байна, уучлаарай гээд цалин хасдаг хариуцлагагүй төр байж болохгүй. Гэхдээ хэн нэгэн, хаа нэгэн газар, аль нэг халааснаас төлөгдөнө. Эцсийн дүндээ төсөв гэдэг чинь татвар төлөгчдийн л мөнгө. Эргээд татвар төлөгчид дээрээ л буух гээд байна. Энэ үнэнийг манай нийгэм бүхлээрээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болсон.

-Төрийн бүтэц данхар байгаа тухай хүмүүс ярих л юм. Гэвч урьд өмнөхөөсөө илүү нэмээд байгаа юм биш үү?

-Төрийн бүтэц данхайж байгаа нь үнэн. Төрөө цомхон болгох хэрэгтэй. Бүр жинхэнэ утгаар нь цомхотгох хэрэгтэй байна. Төрийн хариуцлага, үйл ажиллагааны үр шим, өгөөжтэй байдлыг нэмэгдүүлэх ёстой. Нэг хүн хоёр, гурван хүний ажил хийх чадвартай байхыг шаардаж байна. Тийм хүмүүсийг ажилд авах ёстой. Мэргэжлийн гээд байгаагийн гол өгөөж энд гарч ирнэ. Чадахгүй арван хүнийг авч ажиллууллаа гэхэд нэг хүний чадах ажлыг ч хийхгүй. Хамгийн сайн чаддаг хүмүүст хариуцлага үүрүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол зарим нь өрөөндөө компьютерийн тоглоом тоглоод сууж байна. Нэг том даргын хүүхэд танил талаараа ажилд орчихоод юу ч хийхгүй, чөлөөтэй сууж байдаг. Ийм байж болохгүй. Тиймээс төрийг цомхотгох тал дээр илүү сайн анхаарахгүй бол эдийн засаг ийм хүнд байгаа үед бүх зүйлээ авч гарч чадахгүй.

-Эдийн засгийг сэргээх янз бүрийн хөтөлбөрийн тухай ярьж байгаа. Бидэнд ямар боломж байгаа вэ?

-Манайхан сансрын хөлөг шиг сүрхий, сүрхий зүйлүүд л яриад байна. Мэдээж хэрэг эдийн засгийг сэргээх тийм амар биш. Монгол Улсын эдийн засаг хэчнээн жижиг ч гэлээ даяаршчихсан. Эдийн засагт байгаа бүх салбар хоорондын уялдаа холбоо маш нарийн зүйл. Тохиргоо нь нэг газраа л алдагдахад явсаар байгаад өөр газраа том алдагдал болж гарч ирдэг. Тиймээс Засгийн газар мэргэжлийн байх ёстой. Ийм нарийн тохиргоонуудыг мэдэж тохируулж байж эдийн засаг сая ажиллана. Эдийн засгийг хүнд байдлаас гаргахын тулд юу хэрэгтэй байна вэ гэвэл төрийн бүтцийг цомхон болгоё. Төрийг цомхон болгох гээд буйн бас нэг чухал ач холбогдол нь төр том байх тусмаа, их мөнгөтэй байх тусмаа төрийн оролцоотой аж ахуйн нэгж нэмэгддэг. Бид буцаад социалист систем рүүгээ орох гээд байна. Тэр үед сайхан байсан юм шиг бодож, социалист сэтгэлгээгээр асуудалд хандаад байвал мянган өөрчлөлт хийгээд ч үр дүн гарахгүй. Хамгийн үр дүнгүй эдийн засаг ноёлж эхэлнэ гэсэн үг. Социализмын үед эдийн засгийн сайн талууд зөндөө байсан. Гэхдээ тийм эдийн засгийн үед гадаад явж ирсэн нэгнийхээ авчирсан бохийг амнаас ам дамжуулан зажилдаг байлаа шүү дээ. Бохь гэхэд л тийм хомсдолтой байсан эдийн засаг шүү дээ. Тэр бохь нь олдохгүй болохоор давирхай, замын хар зажилдаг байсан. Яагаад бид өнөөдөр тийм эдийн засагтай байснаа мартчихаад байна вэ. Социалист сэтгэлгээгээр эдийн засаг байгуулбал бид өнөөдөр урагшлахгүй. Ингэж ярьж буй хүний ард авлига, хээл хахууль, үргүй зардал явж байгаа. Юм шударгаараа байг. Монголын бизнесмэнүүд ажлын байраа хадгалж үлдээд, үйл ажиллагаагаа өргөжүүлээд явж чадаж байвал тэр жинхэнэ эх оронч үйлдэл. Харахад тэр хүн өөрийнхөө бизнесийг өргөжүүлэх гээд байгаа мэт харагдаж байгаа боловч ашиг нэмэгдэж буй бизнес өрсөлдөх, удаан амьдрах чадвартай байдаг. Түүнээс татвар төлөгчдийн мөнгөөр алдагдлаа нөхөөд явж байгаа бизнес удаан хугацаанд оршин тогтнож чадахгүй. Тэгэхээр бид энэ системийг өөрчлөх ёстой. Бизнес эрхлэгчдээ илүү дэмжиж өгөх ёстой. Би бүлэг дээрээ тодорхой ярьсан. Шинэ 90-ээд оны бодлого явуулах ёстой гэж. Тэр үед Монголын төр маш цомхон байсан юм. Үйлдвэрлэлд хутгалддаг асуудал одоогийнхоос хамаагүй бага байлаа. Монголын төр эдийн засагт зохицуулагчаар оролцдог байсан. Үйлдвэрлэгчээр биш. Гэтэл одоо хувийн салбар үйлдвэрлэл эрхэлж байхад төр дундуур нь орж булаацалдаад, төрийн хүчээр булааж авч дампууруулаад байна. Монголын амьдралд ийм зүйл өдөр бүр болж байна. Тэгсэн мөртлөө үр ашигтай мундаг байдаг байсан бол яая гэхэв. Гэвч бодит байдал дээр үр ашигтай байлгаж чаддаггүй.

-Төрийн мэдлийн компаниуд тоо томшгүй их өртэй байгаа тухай л ярьдаг юм билээ?

-Алдагдалгүй ажиллаж байгаа төрийн аж ахуй маш цөөхөн. Төрийн аж ахуйн нэгж олшроод ирэхээр хяналт угаасаа байхгүй болно. Цөөхөн байвал нийгэм хянаад яваад байх боломжтой. Одоо гэтэл энэ олон төрийн мэдлийн аж ахуйн нэгжийн алийг нь гэж хянах вэ. Төрийн том аж ахуйн нэгжид ажилладаг зарим хүмүүсийн цалин 30 саяас дээш байх жишээтэй. Хувийн аж ахуйн нэгжид тийм өндөр цалинтай хүн нэг ч байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад л байдаггүй юм бол үнэхээр 30, 40 саяар нь сарын цалингаа авдаг хүн байхгүй шүү. Ашигтай ажилладаг байсан бол ийм хэмжээний цалин авч болох байх. Би тэгж өндөр цалин аваад байгаа хүмүүст дургүйцэж байгаа юм биш. Гэхдээ төрийн ихэнх аж ахуйн нэгж алдагдалтай ажиллаж байгаа.

-Хувийн салбар дахь төрийн оролцоог яаж багасгах юм бэ. Хүссэн хүсээгүй төр дундуур нь хутгалдаад байна шүү дээ?

-Хувийн салбараа дэмжих хэрэгтэй. Дэмжихдээ татвар нэмж болохгүй. Ийм ядарсан үед татвар нэмбэл тунаж үлдэх газар олдохгүй. Би УИХ-ын чуулган дээр нэг зүйл хэлсэн. “Дарга нар аа, Монголын эдийн засгийг хямралаас гаргах нь та нар биш шүү. Бизнес эрхлэгчид шүү” гэсэн. Ажлаа хийгээд явж буй хувийн хэвшлийнхнийг зовоохгүй, дарамтлахгүй, саад болохгүй байя л даа. Монголын эдийн засгийн хүндрэлийн гол асуудал төрдөө байгаа. Төр л бүх зүйлийг самраад хаячихдаг. Эдийн засгийг засъя гэж байгаа бол төрийг засах хэрэгтэй байгаа юм. Төртэйгөө ноцолдож засаж авна уу гэхээс биш мөрөөрөө бизнесээ хийгээд явж буй хувийн хэвшлийнхэн рүү хазайх хэрэггүй. Төр асуудал үүсгэчихээд, тэр асуудлаа өөрөө биш бизнес эрхлэгчдээр шийдүүлэх гээд байна. Данхайсан төрөө тэжээхийн тулд татвараа нэмэх гээд байгаа нь буруу. Тэгэхээр эхлээд бизнес эрхлэгчдээ дэмж гээд байгаа юм. Би яагаад шинэ 90-ээд оны бодлогыг яриад байна вэ гэвэл тэр үед төр цомхон байсан.

УИХ-ын гишүүн Цогтбаатар зурган илэрцүүд-Шинэ 90-ээд оны бодлого ямар байсан юм бэ?

-Хөнгөлөлттэй зээл тусламжаар өөрөө өөрсдийнхөө асуудлыг шийдээд яваад байсан. Харин энэ үедээ бизнес эрхлэгчдээ хөл дээрээ бос, өндөр татвараар та нарыг дарамтлахгүй гэсэн бодлого баримталж байлаа. Төр цомхон байсан учраас, бас аж ахуйн үйл ажиллагаанд оролцдоггүй байсан болохоор төр цэвэрхэн байсан. Хэрэв 90-ээд оны үед төр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа руу ордог байсан бол авлига, хээл хахуультай нийгэм бий болгох байсан. Тэгэхээр нэг ёсондоо эдийн засгийг сайжруулъя гэвэл асуудал хаана байгаа, хэн асуудал үүсгээд байгааг засаж эхлэх ёстой. Түүнээс биш мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа бизнес эрхлэгчдийг дарамтлах ёсгүй. Тиймээс шинэ 90-ээд оны бодлогыг хэрэгжүүлье гээд байгаа юм. Гэхдээ тодорхой хугацаанд байх ёстой. Төр дандаа зээл тусламжаар явж болохгүй. Нэгэнт хямралд орчихсон байгаа энэ үед тэр Стэнд бай уу, эсхүл өөр хөтөлбөр байх уу ямар ч гэсэн дэмжлэг авах хэрэгтэй. Тодорхой хугацаанд дэмжээд өгье, та нар хөл дээрээ бос гэх ёстой. Хамгийн гол нь ажлын байраа аваад үлд, хүнд байгаа ч гэлээ нэг том жийп машин авч унахаасаа илүүтэй ажлын байраа хадгал. Тэрийг чинь урамшуулъя гэмээр байна. Ийм маягаар дэмжлэг үзүүлэх ёстой. Ер нь бид зөв бүтэцтэйгээр хямралын ард гарах нь хамгийн том ололт. Хямралын үед гаднаас мөнгө олж ирээд бүтэхгүй бүтцээ тэжээхийн оронд хямралыг ашиглаад бүтцээ эрүүлжүүлбэл нийгмээрээ, үндэстнээрээ хожно.

-Гэхдээ УИХ-д оруулж ирсэн Засгийн газрын саналыг унагачихсан шүү дээ?

-Би гэхэд татварыг нэмж болохгүй гэсэн байр суурьтай сууж байна. Засгийн газрын оруулж ирсэн санал унаж байгаа нь сайн уу, муу юу гэж олон хүн асууж байна л даа. Үүнийг аль өнцгөөс харахаас шалтгаална. Засгийн газрын өнцгөөс харах юм бол энэ олон давтагдаад байх хэрэггүй зүйл. Яахав нэг удаа байж болно. Олон удаа давтагдаж болохгүй. Тэгэхээр Засгийн газар үйл ажиллагаандаа дүгнэлт хийгээд, анхаарч ажиллах ёстой. УИХ-ын өнцгөөс харах юм бол өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлээд, оруулж ирсэн саналыг өөрчлөөд, ийм байх ёстой гээд шийдвэрээ гаргасан. Үүнд муу зүйл байхгүй. Үүнд сүржигнээд, байгаагаас нь хэтрүүлж улстөржүүлэх хэрэггүй. Засгийн газар нэг асуудал бариад орж ирэхээр нь УИХ ярс хийтэл гар өргөж батлаад байвал эмгэнэлтэй. Засгийн газар байгаа нөхцөл байдлаа дүгнээд, иймэрхүү дүр төрхтэй эдийн засагтай байна шүү гээд саналаа оруулж ирэхэд нь УИХ ард иргэдийн нуруун дээр ачаалал өгч болохгүй гэдэг сигнал өгөөд буцаасан. Ардчилсан тогтолцоо ажиллаж байгаа нь л энэ шүү дээ. Түүнээс биш заавал Их хурлын бүх гишүүнд таалагдсан санал оруулж ирнэ гэж байхгүй. Эдийн засгийн ийм хүнд нөхцөл байдалтай байхад бүх хүнд таалагдсан шийдвэр гаргах боломжгүй. Тэгээд ч Засгийн газар байгуулагдаад удаагүй. Сагсан бөмбөгийн багтай дүйцүүлээд ярихад тэд хоорондоо гар нийлж тоглотол хугацаа орно. Багийн тоглолтууд бүгд л ийм байдаг. Яг түүн шиг УИХ нь ч, Засгийн газар нь ч шинэ байна. Засгийн газар байгаа нөхцөл байдалдаа таарсан яаралтай шийдвэрүүд барьж орж ирсэн. Өөр яана гэж. Яагаад ч сайхан мэдээ оруулж ирэхгүй байсан шүү дээ. Гэхдээ Засгийн газарт хэт өөриймсөж, хэт өөртөө итгэсэн байдал ажиглагдсан. Манай намын 65 гишүүн байгаа юм чинь өөрийнхөө Засгийн газрын саналыг дэмжихгүй яах юм бэ гэх хандлага гаргасан. Энэ бол буруу. Яагаад гэхээр ийм хүнд шийдвэрийг бэлтгэлээ хангаж, судалгаагаа сайн хийж байж оруулж ирэх ёстой. Гэтэл олон нийтэд танилцуулах нь байтугай 65 гишүүндээ танилцуулалгүй шууд оруулж ирэхээр гишүүд нь ч, нийгэм нь ч шоконд орж байгаа юм. Засгийн газар илүү хариуцлагатай ажиллах ёстой. Нийгэм, эдийн засгийн нарийн тоон дээр суурилсан асуудлыг авч орж ирэхдээ улс төрийн өнцгөө хэзээ ч мартаж болохгүй. Яагаад гэвэл төсөв гэдэг чинь хууль. Хуулийг улс төрийн процессоор л баталдаг. Энэ үнэнээс хэн ч ангижраагүй. Ангижрах ч ёсгүй. Тэгэхээр энэ бүхнийг бодолцож орж ирэхгүй байна гэдэг маань Засгийн газар ямар орчинд ажиллаж буйгаа мэдрэхгүй байна гэсэн үг. Дараагийн удаа маш гярхай ажиллах ёстой. Хэтрүүлж улстөржүүлж болохгүй. Дахиад л хэлье. 90-ээд оны үед гадны зээл тусламжийг сайн татдаг, хөрөнгө оруулах орчин нөхцлийг сайн бүрдүүлсэн байсан. Тэр үед эдийн засгийн хямрал өнөөдрийнхөөс бүр хүнд байсан шүү дээ. Тийм хэцүү үед давж гарч ирж болж байсан юм чинь одоо болохгүй гэх зүйлгүй. Хэд хоногийн өмнө болсон Гадаадын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт дээр Баабар хэлж байна лээ. “Хувийн салбар дахь 10 ажлын байр руу хэдхэн хүн ажиллах санал өгч байна. Төрийн салбарын 10 ажлын байр руу хэд дахин илүү санал өгч байна” гэсэн. Энэ чинь л манай нийгэм эрүүл биш болчихоод байгаагийн хамгийн чанга дохио. Ер нь зах зээлийн эдийн засгийг хөгжүүлж буй оронд их, дээд сургуулиа төгссөн хүн тэргүүлэх аж ахуйн нэгжид ажилд орохын төлөө явдаг. Түүнээс биш яам, тамгын газар руу хэзээ ч зүтгэдэггүй. Яагаад гэвэл хувийн салбарт цалингийн дээд хэмжээ гэж байхгүй. Та сайн ажилладаг бол хэд л бол хэдийг авах боломжтой. Харин төр тийм биш. Давуу тал нь тогтвортой л байдаг байх. Түүнээс биш бусад салбараасаа бага цалин авдаг. Тиймээс барууныхан хувийн хэвшилдээ ажиллах сонирхолтой. Манайд эсрэгээрээ байгаа нь тогтолцоо буруу тийшээ гажиж буйн илрэл. Намайг сургууль төгсөх үед үеийнхэн маань бүгд хувийн салбарт ажилд орсон. Тэнд илүү мөнгө авч байлаа. Одоо гэтэл нийгмийн уур амьсгал ч гэсэн хувийн салбарынхныг хулгайч, дээрэмчин мэт бодож харааж зүхээд байна. Төрийн бизнес нийгмийн бизнес юм шиг бодож хандаад байгаа. Гэтэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл ухамсраа, аливаа зүйлийг харах өнцгөө өөрчилмөөр байна. Ардчилал, зах зээлийн эдийн засгийг сонгосон бол түүндээ үнэнч явах хэрэгтэй.

-Томоохон төслүүдээ хөдөлгөж байж эдийн засгийг сэргээнэ гээд байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл олигтой урагшилж өгсөнгүй. Өнөөдөр нүүрсний үнэ гадаад зах зээлд өсөөд байхад бид багахаан хэдэн ам.доллараар зараад сууж байгаа нь ямар учиртай юм бэ?

-Төр томхон төслүүд дээрээ оролцоогоо яаж нэмэгдүүлэх вэ гэдгээ л яриад байна. Сонгууль болж төр засаг өөрчлөгдөнгүүт томоохон төслүүд рүү арын хаалганы нөхдөд шинээр ороод байна. Төрийн компаниудад томилж буй хүнийг хувийн компанид шууд оруулъя гэхэд “Уучлаарай, чадвар нь хүрэхгүй нь” гээд халгаахгүй дээ. Гэтэл төрийнх учраас хэн ч байсан орж ажиллаад байна. Ийм томилгоотой компани яаж хөгжих вэ. Татвараа яаж төлөх вэ. Харин ч татварыг өөр хэлбэрээр төлнө гээд явж байгаа. Бид сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол өөрөө өөрсдийгөө хуураад яваад байна. Бас нэг эмгэнэл байна. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд 20 гаруй жил болоход эдийн засаг өссөн үү гэвэл өссөн. 2000 оны босгон дээр дотоодын нийт бүтээгдэхүүн тэрбум ам.долларт яригддаг байлаа. Бидний эдийн засаг ганцхан их наяд дотор эргэлддэг байсан. Гэтэл өнөөдөр 20 их наядын тухай ярьдаг болж. Өссөн байгаа биз дээ. Тэгэхээр зах зээлийн эдийн засаг, ардчилсан тогтолцоо монголчуудад мундаг өсөлт авчирч чадсан. Үүндээ бид итгээд явах ёстой. Замын дундаас сэтгэлээ буруулаад, буруу замаар будаа тээх гээд хэрэггүй. Хувийн салбаруудаа л илүү дэмжих ёстой. Том төслүүд дээр төр юу хийх ёстой вэ гэвэл бүтээгдэхүүнээ өндөр үнээр гаргах зах зээлийг зохицуулж өгөх ёстой. Удахгүй бид урд хөрш рүү том айлчлал хийх гэж байна. Тэр үедээ том зээл, хөнгөлөлттэй тусламжийн тухай яривал одоо байгаа системээ л дэмжсэн болно. Энэ том эдийн засаг ямар ч зээлийг элсэн дээр ус асгаж буй мэт уугаад алга болгоно. Мэдээж хэрэг зээл, тусламж бидэнд хэрэгтэй. Гэхдээ тэрнийхээ оронд нүүрсээ өөр үнээр зармаар байна гэж ярих ёстой. Тэд үнэхээр тусалъя гэж байгаа бол шүү дээ. Хөнгөлөлттэй зээл гэдэг чинь туслах гэж буй хэлбэр. Тусалъя гэж бодож байгаа бол бидний бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлээс өндөр үнээр ав гэж хэлэхгүй. Одоо авч буй үнээ жаахан өөрчлөөч гэх ёстой юм. Арай үнэтэйгээр бид зармаар байна шүү дээ. Ингэж чадвал жинхэнэ тус болно. Төр засаг ийм л зүйл хийх хэрэгтэй. Түүнээс биш дунд нь орж самраад баймааргүй байгаа юм. Бид нүүрсний үнээ буулгаад зарж л байсан шүү дээ. Одоо үнэ өсөхөөр жаахан нэмчихье гэж хүн ёсоор хэлэх ёстой. Бид тэднийг хуурамчаар залилъя гээгүй. Том төслүүдийг урагшлуулах ёстой. Гэхдээ төр менежмэнтэд нь бага оролцмоор байгаа юм. Улс төрийн биш, бизнесийн зарчмаар явуулбал монголчуудад л хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Цогтбаатар зурган илэрцүүд-Үнэ өсгөх тал дээр УИХ, Засгийн газар ажиллаж эхэлсэн үү. Ямар арга хэмжээ авч байна вэ?

-Засгийн газрын бүрэлдэхүүнд байхгүй болохоор сайн мэдэхгүй юм. Гэхдээ хүн бүр дор бүрнээ хичээх ёстой. Би гадныхантай уулзах бүртээ хөрөнгө оруулалтаа нэмэх хэрэгтэй байна, одоо л монголчуудад итгэх цаг гэдгийг хэлдэг. Гадны экспортын чадавхийг нэмэхийн тулд туслалцаа үзүүлээч гэж хэлж байна.

-Засгийн газрын 100 хоног удахгүй болох гэж байна. Тэд ямархуу хэмжээнд үүргээ биелүүлж, хэрхэн ажиллаж байна вэ?

-Одоохондоо ам уралдаж шүүмжилмээргүй байна. Нэгэнт засаг төр байгуулагдчихлаа. Тиймээс алдаа дутагдал гарсан ч ойлгох талдаа байгаа. Сэтгэл нэгтэй, эв нэгтэйгээр эдийн засгаа босгох хэрэгтэй. Төр засаг тогтвортой үйл ажиллагаатай байх ёстой. Тогтвортой байлгахад хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй. Төрийн үйл ажиллагаа жигд явна гэдэг бол Монгол Улсын амжилт. Энэ амжилтын төлөө хамтраад, дэмжээд явах ёстой. Харин төр засаг иргэдийнхээ, хувийн хэвшлийнхний, төрийн бус байгууллагын үгийг сонсдог байя. Чих нь онгорхой, нүд нь нээлттэй ажиллаасай. Түүнээс биш хэт их зан гаргаад, бид бүхнийг мэдэж шийднэ гээд байвал асуудал үүснэ. Яг үнэндээ Засгийн газар ажлаа дөнгөж эхэлж байна шүү дээ. Шүүмжлүүлэх зүйл ч хийж амжаагүй байна. Ажиллах боломжийг нь олгоё. Харин хөндлөнгийн үгийг сонсохгүй, үр дүн гаргахгүй бол асуудлыг хэзээ ч сөхөж болно. Тэрнээс биш ажлынх нь үр дүнг харахгүй байж барьж аваад л хэл амаа билүүдэхийг зөв гэж харахгүй байна. Итгэе, боломж олгоё. Дараа нь үр дүн, хариуцлага нэхье.

-Өнгөрсөн Засгийн газрын эхлүүлсэн иргэдэд хамгийн ээлтэй хөтөлбөр ипотекийн зээл байлаа. Гэтэл өнөөдөр энэ зээл үхмэл байдалд байна. Засгийн газар уг зээлийг зогсоохгүй гэсэн хэдий ч банкууд зээл өгөхгүй байгаа. Цаашид бодитоор үргэлжлэх болов уу?

-Зогсоох боломжгүй механизм гэж байдаг. Хүнээр ярих юм бол зүрхний цохилтыг зогсоож болохгүй биз дээ. Хүн амьд байхад зүрх цохилж л байх ёстой. Энэ зээлийг хэн ч зогсоож чадахгүй гэж би тэр үед хэлж байсан. Тийм болохоор ямар ч хүн Засгийн газрыг удирдсан бай ипотекийн зээлийг зогсоох боломжгүй. Хэтэрхий их зүйл ипотекийн зээлээс хамаардаг болчихсон байна. Харамсалтай нь ипотекийн зээл харьцангуй шинэ бүтээгдэхүүн учраас манайхан ойлгохгүй байна.

-Харин ч иргэдийн хамгийн сайн ойлгож байгаа зүйл шүү дээ?

-Улс төрийн хүрээнд ойлгохгүй байна. Ипотекийн зээлийг үргэлжлүүлье гэхээр барилгын салбар Монголын эдийн засгийг хямралд оруулж байхад тэдэнд туслалцаа үзүүлэх гэлээ гэдэг. Үнэндээ Монголд барилга барьдаг нэг ажил байна. Үл хөдлөх хөрөнгийн салбар гэдэг бол барилга барихаас тусдаа ажил байхгүй юу. Ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ гэдэг үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжиж буй гол ажил. 90 жилийн турш бий болсон үл хөдлөх хөрөнгө хөдөлж байх, судсаар нь гүйж байгаа гол цус нь ипотекийн зээл. Энэ ялгааг ойлгохгүй байж ипотекийн зээлийг маш их улстөржүүлж байна. Ипотекийн зээлийг улс төрөөс ангижруулсан цагт амжилттай үргэлжилнэ. Өнөөдөр бид нэг л их томоор ярих хэнээтэй болчихож. Энэ зээлийг багаар ч болтугай явуулж л байх ёстой. Би өөрчлөлт санал болгож байсан юм. Байрны үнийн 20 хувьд төрөөс баталгаа гаргая гэж. Урьдчилгаа 30 хувийг өөрчлөхгүйгээр шүү дээ. Энэ зээлийн эргэн төлөлт нь маш сайн. Тиймээс хүмүүс зээлээ эргээд төлж байгаа тохиолдолд баталгаа хэрэг болохгүй байж ч болно. Уг нь төсвийн алдагдлыг нөхөж байснаас иргэдээ орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлээд 20 хувьд нь баталгаа гаргаж өгсөн нь хамаагүй найдвартай. Яагаад гэвэл төрийн дааж авсан 20 хувийн баталгааны цаана тухайн орон сууц байж байгаа. Баталгаа гаргасан этгээд буюу төр 20 хувиа хэзээ ч олоод авах боломжтой. Хаанаа ч алдагдалгүй баталгаа байсан юм. 20 хувийн баталгааг ямар нэгэн байдлаар улстөржүүлэлгүйгээр зах зээлийн эдийн засагт хамгийн ойр аргаар явуулах гэж байсан. Гэтэл хоёр төрлийн улстөржилт яваад эхэллээ. Барилгын салбарыг дэмжих гэлээ гэж нэг хэсэг нь ярьж байна. Гэтэл үнэндээ хэн ч барилгын салбарыг дэмжих гэсэнгүй. Галсан мээрингийн авгай гэдэг чинь шал өөр юм байдаг гэдэг шиг шал өөр зүйл байхгүй юу. Монголын эдийн засагт улс төр ямар том гай болж буйн нэг жишээ энэ. Нөгөө талаас цэвэр улс төр явсан. Энэ зээл нэг намын нэрийн хуудас болох гээд байна. Тиймээс бүх тохируулгыг өөрчилж өөр нам дээр өмчлөлтэй болгоё гэж зүтгэсэн. Тэрийг хэрэгжүүлэхийн тулд өмнөхөөсөө хэд дахин зардалтай механизмыг бий болгож байна. Ингэж улс төрд тээглэж унаад ажил явахгүй байна. Түүнээс биш ипотекийн зээлд гурван их наяд төгрөг гаргаад өгчихсөн байсан. Одоо мөнгө нэмж өгөх хэрэггүй. Тэр мөнгө зах зээлийн эдийн засагтаа ороод эргэх тусмаа өсөөд явж байгаа. Хүмүүс хүү төлж байгаа биз дээ. Тэр хэрээр өсөөд явна. Нэг оруулаад эргүүлсэн мөнгө маш олон зүйлийг дэмжээд өсөөд явдаг. Тэр сангийн мөнгийг өөр зүйлд битгий зарцуулаарай. Нэгэнт ипотекийн зээлд зориулсан юм чинь тэр чигтээ байгаарай гэсэн байр суурьтай байгаа. Энд байгаа мөнгийг хэвэнд нь үлдээгээд зөв эргэлдүүлээч гээд байгаа юм. Гэтэл зарим нь шинэ мөнгө гаргах гээд байгаа мэт буруу ойлгоод байгаа. Энэ салбар зогсох юм бол бусад бүх зүйлээ татаад унагаачих чадалтай. Маш бяртай, маш их мөнгө хуримтлуулсан том салбар. Энэ эрсдэлийг харж байгаа болохоор яаж ийгээд ипотекийн зээлийг үргэлжлүүл, үгүй бол эдийн засаг бүр мөсөн нурж унана. Энэ зээлийг зогсооно гээд байгаа хүмүүсийг ойлгохгүй байгаа юм. Ямар том ачааг гараараа барьж зогсох гээд байна вэ.

-Одоо байдал нэгэнт ийм зогсонги байдалд орчихлоо. Яах ёстой вэ?

-Хөдөлгөөд, тохиргоонуудаа зөв болгоод явах ёстой. Би нэг зүйлээр бахархаж байгаа. Барилгын салбарынхан надтай ирж уулзаад “Та 30 хувийн урьдчилгааны 20 хувийг батлан даая гэдэг санааг гаргаж өгсөн. Хүү чухал биш, иргэд урьдчилгаа мөнгөгүй байна” гэсэн. Хэдийгээр миний гаргасан санал хэрэгжээгүй ч гэлээ барилгын компаниуд өөрсдөө баталгаа гаргадаг болчихож. Иргэдээс 10 хувийн урьдчилгаа аваад багаар ч болтугай зээлээ үргэлжлүүлж байна. Энэ зээл бол аль нэг намын хожлын оноо байсангүй. Монголын эдийн засаг хожих тухай асуудал байсан.

-Та намынхаа гаргаж буй санал шийдвэртэй хэр санал нийлж байгаа вэ. Танай намынхан Засгийн газраа, намаа шүүмжилж ярьж болохгүй гэсэн байр суурьтай байдаг. Улс төрийн томоохон хүчин ийм авир гаргаж болдог юм уу?

-Манай 65 гишүүн Засгийн газрынхаа оруулж ирсэн саналыг унагаж л байгаа биз дээ. Нам доторх яриа, хэлэлцээр идэвхитэй явж буйн илрэл шүү дээ. Анхны оруулж ирсэн саналыг унагаж байна гэдэг булагнаагүй, олны хүчийг ашиглаагүй, эрүүл байгаагийн л шинж тэмдэг. Намаас гаргаж буй бүх шийдвэртэй санал нийлж байна уу гэвэл үгүй. Санал нийлэхгүй зөндөө асуудал гарна. Гэхдээ юу ч болоогүй байхад хөөрөөд, сэлэм гаргаж ирээд эв нэгдлийг эвдээд явбал хэн хохирно гээч. Энгийн иргэд л хохирох юм. Үйлсгүй, эв нэгдэлгүй төртэй байхын горыг бид хангалттай амслаа. Бид өмнөх ажлаа л сайн хийх ёстой. УИХ-ын гишүүн гэдэг чинь хангалттай том албан тушаал шүү дээ. Энийгээ голоод байх юм. Зөндөө ажил хийх боломж гишүүдэд байна. Сэтгэл байвал ямар ч ажлыг шийдэж, хийх боломж байгаа. Би ийм л зарчмаар ажиллана. Бүр болохгүй зүйл байвал гарч ирээд ард иргэддээ ярина. Хэзээ ч ярих боломжтой.

-Таны улс төрийн үзэл баримтлал их ардчилсан байдаг. Бараг Ардчилсан намд байхаар хүн шиг санагдах юм?

-Монголд ардчилаагүй нам байхгүй. Бүх нам ардчиллын төлөө сэтгэлтэй. Ардчилсан нам л ардчилсан үзлийг баримтлах ёстой мэт хараад байдаг. Гэтэл АН дотор “Манай намд ардчилал алга” гэж ярьдаг хүн бий шүү дээ. Тэд өөрсдийгөө ингэж шүүмжилдэг. Ардчилсан Үндсэн хуультай Монголын төрд ардчилаагүй үзэл баримтлалтай хүн ажиллаж болохгүй гэж боддог. Ардчиллын төлөө үзэл баримтлалтай байх ёстой. Үндсэн хуулийн үзэл баримтлал ийм юм. Ийм Үндсэн хуулийн дор ажиллаж байгаа төрийн албан хаагчид ардчилсан үзэл баримтлалтай байхгүй гээд яах билээ.

-МАН-ыг Мэргэжлийн Засгийн газар байгуулсан гээд л байгаа. Та үүнтэй санал нийлж байгаа юу?

-Мэдээж хэрэг бүх томилгоо тийм биш байгаад байна. Гэхдээ тийм байхын төлөө нэлээн чармайж ажиллаж байгаа нь харагдаж байгаа. Хангалттай биш л дээ. Хүмүүс “Нөгөө мэргэжлийн гээд байсан нь хаа байна вэ” гээд байна шүү дээ. Энд байна гэж харагдтал томилгоогоо хийх ёстой. Гэхдээ мэргэжлийн томилгоонууд зөндөө л хийгдэж байна. Мэргэжлийн биш гэж гологдож буй хүн бий л дээ. Амьдрал өөрөө төгс төгөлдөр биш. Тийм дутагдал байгаа бол ажил хөдөлмөрөөрөө нөхөх боломж бий.

-Уг нь таныг Гадаад харилцааны сайд болох ёстой гэж олон хүн харж байсан?

-Бид нам дотроо хэлэлцүүлэг хийгээд тавих ёстой хүнээ л тавьсан. Гадаад харилцааны сайдаар харин ч яг мэргэжлийн хүн очсон гэж харж байгаа.

-Гэхдээ л улс төрийн томилгоонуудыг анзаараад байхад МАН дахь Орост сургууль төгссөн фракцийнхан нэлээн “жийгдсэн”. Яагаад Батлан хамгаалах яаманд Ж.Энхбаярыг, Ё.Отгонбаярыг БСШУ-ны сайдаар тавьж болсонгүй вэ?

-Нам гэдэг чинь амьд организм. Хэлэлцүүлэг хийнэ, өөрийн гэсэн улс төртэй. Тийм шугамаар л томилгоо болсон. Бидний хэн нь ч албан тушаалд очъё гэж улайрсангүй. Нам хэрэгтэй гэж үзвэл итгэлийг нь дааж ажиллахад бэлэн. Түүнээс биш би сайд болъё гэж хэний ч өрөөний хаалгыг татаж гүйхгүй. Тэгж явахынхаа оронд тойрогтоо очиж ажиллая. Би түрүүн хэлсэн шүү дээ. УИХ-ын гишүүн гэдэг хангалттай том албан тушаал гэж. Тийм л биз дээ. Зөндөө сайн зүйл хийхэд хангалттай боломж олгоно.

-Сонгуулийн өмнөхөн Сү.Батболд тэргүүтэй оффшор данс эзэмшигчдийн дунд таны нэр дуулдаж байсан. Танд тийм данс байна уу. Яагаад холбогдсон юм бэ?

-Монголд хамтарсан компани байгуулах ердийн үзэгдэл биз дээ. Хүн бүр л гадны хөрөнгө оруулалтыг татаж хамтарсан компани байгуулахыг бодно. Тэр компани Монголд бүх хөрөнгөө оруулж ажлын байр бий болгоод үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо ч оффис нь Энхтайваны гүүрний дор бий. Нягтлан бодогчоос эхлээд бүх л хүн нь монголчууд. Ганц, хоёр гадаад захирал байсан нь үнэн. Гадаадууд хөрөнгө оруулалт хийхдээ татваргүй чөлөөт бүсээс хөрөнгөө татсан. Монголд татвараа төлж ноогдол ашгаа авахдаа татвар төлсөн мөнгөн дээрээ дахин төлөхгүйн тулд чөлөөт бүсийг сонгож байгаа. Бид үүнийг өөрчилж чадахгүй. Өнөөдөр ч гадны хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахдаа тэр бүсээс л татаж байгаа. Бидэнд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа биз дээ. Бүгд л чөлөөт бүсээс хөрөнгө оруулалтаа татдаг. Миний хувьд ч тийм л зарчмаар ажилласан. Данс биш, хувьцаа байхгүй юу. Гэхдээ би арван жилийн өмнөөс тэр компанитай холбоогүй болсон. Нуугаад байх зүйл биш л дээ.

-Ямар бизнес эрхэлж байсан юм бол?

-Геологи хайгуулын ажил.

-Та гадаадын олон хэл мэддэг. Гэхдээ миний сонсож байснаар хүн бүрийн тэгтэл сонирхоод байдаггүй хэл судалдаг гэсэн. Хаанахын хэдэн хэлтэй юм бэ?

-Гадаад яамнаас намайг 1988 онд Олон улсын харилцааны дээд сургуульд явуулсан юм. Тэр үед намайг камбож хэл сураад ир гэсэн. Сургуулиа төгсөөд ирсний дараа Камбожид Элчин сайдын яаманд ажиллуулах гэж байлаа. Очоод хэлээ сурч байтал Монголын нийгэмд өөрчлөлт болж ардчилсан тогтолцоо руу шилжсэн. Үүнтэй уялдаад гадаад бодлогын үндсэн чиглэл өөрчлөгдөнө. Тэгэхээр нь камбож хэлээр ч явахгүй нь дээ гэж бодоод тайланд хэл сурч эхэлсэн. Нэг суурьтай учраас сурахад ч амар байлаа. Ингээд хэлээ сурахын зэрэгцээ Тайланд, Камбожийн улс төр, түүхийг нь судалж эхэлсэн юм. Одоо бол тайланд, камбож, орос, англи, герман хэл мэднэ. Германаар уншина, ойлгоно, муухан ярина. Гэхдээ төөрөхгүй, ажлаа олоод хийчихнэ. Түүнээс биш том судалгааны ажил бичих хэмжээнд очоогүй л дээ.

-Англиар шүлэг бичдэг гэсэн. Хэдэн шүлэгтэй болж байна вэ?

-70, 80 гаруй шүлэг бий. Өөртөө л зориулж бичдэг юм. Анхныхаа англи шүлгийг аравдугаар анги төгсөх үедээ бичсэн. Тэрийгээ сая эргэж хараад шүлгийн хэлбэрт нь оруулж зассан.

-Голдуу юуны сэдэвтэй бичиж байна?

-Аравдугаар ангийн хүүхдийн гол сэдэв дурлал байлаа. Одоо бол филисофийн шүлгүүд бичиж байна. Сүүлд би бизнес эрхэлж байхдаа толгойд орж ирсэн бодлуудаа цэгцэлж мөр холбодог байсан юм.

-Ээж, аав тань таныг өдий зэрэгтэй боловсролтой байхад чухал нөлөө үзүүлсэн үү?

-Аав бол намайг хичээл хийлгэж сургасан. Хичээлийн ширээний ард суулгаж сургасан гэх үү дээ. Харин ээж намайг дөрөвдүгээр ангид байхад англи хэл сурахыг зөвлөж байсан юм. 1980 оны эхэн үе шүү дээ.

-Таныг туршлагатай дипломатч гэдэг. Та Монгол Улсад хэрэгтэй ямар гэрээ, хэлэлцээрт оролцож байсан юм бэ?

-Олон бий. Мянганы сорилтын сангаас эхлээд яривал зөндөө. АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушийн үгийг сонсож байгаад үүнийг Монголдоо хэрэгжүүлбэл болох юм байна гэдгийг мэдрээд эхлүүлсэн. Хөшигийн хөндийн онгоцны буудалд зээл олгуулах асуудлын улс төрийн шийдэлд ажиллаад явж байлаа. Тэр үед хэчнээн их шүүмжлүүлж байсан билээ. Монгол Улс олон жил бэлтгэсэн асуудлаасаа ухарлаа гэж байсан. Гэтэл өнөөдөр том, том төлөөлөгчийг хүлээж авах боломжтой онгоцны буудалтай болж байна. Чөлөөт худалдааны хэлэлцээрийг хамгийн анх бас яриад л явж байсан. Далайд гарцгүй орнуудын судалгааны төв гэж Монголд төвтэй олон улсын байгууллага бий. Энэ яг миний өөрөө санаачилж хийсэн ажил. Дэлхийн 33 орны гишүүнчлэлтэй. Ингээд яривал олон ажил бий.

Categories
мэдээ цаг-үе

А.Ундраа: Томоохон төслүүдээ урагшлуулж байж эдийн засгаа сэргээнэ

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.

-Ээлжит бус чуулганаар олон нийтийн дунд хүлээлттэй байсан хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Дүгнээд хэлэхэд ямархуу дүр төрх харагдаж байна вэ?

-Ээлжит бус чуулган зорилгоо маш сайн биелүүлсэн. Хэлэлцсэн нэг гол асуудал төсвийн тодотгол байлаа. Гэхдээ Засгийн газрын дараагийн дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг баталсан нь хамгийн чухал шийдвэр. Улс эх орны нийгэм, эдийн засаг хаашаа чиглэх вэ гэдгийг тодорхойлох ач холбогдолтой. Дараагийн дөрвөн жилд бид эдийн засгийн тулгамдсан асуудлаа яаж даван гарах, ямар байдлаар хөгжих вэ гэдгийг тодорхойлсон нь ээлжит бус чуулганы гол ач холбогдол. Мөн бусад хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн. Тухайлбал, олон улсын түвшинд Монгол Улсын үүргийг илүү бэхжүүлж өгсөн асуудал Парисын хэлэлцээрийг соёрхон баталсан явдал байлаа. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой дэлхийн зөвшилцлөөс хоцролгүйгээр шуурхай шийдэж чадсан. Дэлхийн томоохон улс болох Бразилаас түрүүлж соёрхон баталсан шүү дээ. Манайх уг хэлэлцээрийг батлахын өмнөхөн Хятад, Америкийн Ерөнхийлөгч нар Бээжинд болсон “Их-20”-ын уулзалтын үеэр соёрхон батлахыг дэлхий нийтэд уриалсан. Үүгээрээ манай улс энэ болон бусад дэлхийн хэмжээний асуудлуудыг манлайлан ажиллаж байгаа гэдгээ харуулсан.

-Эрүү, Зөрчил болон гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулиуд хэрэгжиж эхэлсэнгүй. МАН-ынхан өмнөх Их хурлынхаа хийж байсан бүхнийг үгүйсгээд байгаа юм биш үү?

-Тодорхой хэмжээнд иргэдийг төөрөгдүүлэх мэдээлэл яваад байх шиг байгаа юм. Дээрх хуулиудыг унагалаа гэж хэлэх нь буруу. Эдгээр хуулиудыг хэлэлцэхийг тодорхой хугацаанд хойшлуулсан. Батлахаасаа өмнө эргэж харах бодит шаардлага байлаа. Жишээлбэл, Эрүүгийн тухай хууль дахь эмч, эмнэлгийн ажилтнуудын хариуцлагын тухай заалтуудыг эргэн харах, хөнгөтгөх шаардлагатай байна. Ард олныхоо эрүүл мэндийн манаанд ажлаа хийгээд явж буй хүмүүсийн хувьд ямар байдлаар хүлээж авах вэ гэдгийг бид тооцоолж санаа зовох ёстой. Энэ утгаараа хойшилж буй шалтгаануудыг ойлгож байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль мөн адил ялгаагүй. Нийгмийн хамгийн их санаа зовох учиртай асуудлын нэг. Засгиийн газраас өргөн барьсан байгаа. УИХ аль болох хурдан шийдэж хууль эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно. Манай намын тухайд зүүний чиглэлийн нам. Зүүн төвийн үзэлтэй социал демократ намын хувьд нийгмийн асуудал маш чухал байдаг. Тэр үүднээсээ халамж, нийгэм, тэр дундаа залуус, хүүхэд рүү чиглэсэн бодлого бол манай намын баримталдаг үндсэн улс төрийн үзэлтэй уялдаатай.

Тэгэхээр нийгэм рүү чиглэсэн бодлого улам сайжирна гэдэгт эргэлзэхгүй байгаа. Цаг хугацааны хувьд аливаа томоохон асуудлыг өргөс авсан мэт шийднэ гэж байхгүй.

-Энэ удаагийн парламент хамгийн олон эмэгтэй гишүүнтэй. Үүнийгээ дагаад эмэгтэй гишүүд юу хийх бол гэсэн хүлээлт бий. Та болон МАН-ын эмэгтэй гишүүд ямар асуудал дээр төвлөрч ажиллах вэ?

-Өөрийнхөө байр сууринаас ярья л даа. Аливаа асуудлыг эрэгтэй, эмэгтэй гишүүн гэж ялгах хэрэггүй. Бүх гишүүд л нийгмийн өмнө тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулан ажиллах хэрэгтэй. Нийгэмд тодорхой хэмжээний хүлээлт байгаа гэдэг нь үнэн. Уламжлалаараа эмэгтэй гишүүд илүү түлхүү анхаардаг асуудлууд гэж бий. Гэхдээ тэр нь зөвхөн эмэгтэй гишүүд анхаарах ёстой гэсэн үг биш. Хүйсийн тэгш эрхийн тухай яривал Их хуралд 50, 50 хувийн төлөөлөлтэй байж ярих ёстой байх. Иргэд эрэгтэй гишүүдээс тийм зүйл хүлээж байна гэж ярьдаггүй шүү дээ. Тиймээс аливаад хэт нэг талыг харалгүйгээр шударга хандах чухал байна. Гишүүнийхээ хувьд ярихад мэдээж хэрэг сонгогч олныхоо эрх ашгийн төлөө ажиллана. Боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацийн чиглэлийн хуулиуд дээр түлхүү ажиллана.

Мөн эдийн засгийг илүү чадавхижуулах эрх зүйн орчныг сайжруулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллана. Манай улсын эдийн засаг аажим аажмаар өсөж байгаа ч гэлээ зөвхөн уул уурхай, мал аж ахуйгаас хамааралгүйгээр чадавхитай өндөр технологийн салбар, өндөр цалинтай ажлын байрыг олноор бий болгох ёстой. Үүний тулд маш зөв төрийн бодлого хэрэгтэй байгаа юм. Ажил эрхлэлтээс гадна хийж буй ажилдаа тухайн хүн сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Мэдээж хэрэг цалин өндөр байж гэмээнэ ажилдаа сэтгэл хангалуун, амьдралын баталгаа илүү сайн болно. Иймэрхүү чиглэлд тууштай ажиллахыг хүсэж, төлөвлөж байгаа.

-Мажоритар системийн сонгуулийн үр дүнд гишүүд өөрсдийн тойрогтоо хэт их анхаарал хандуулаад байдаг. Тэнд тулгамдаж буй асуудлыг шийдэж иргэдийн дунд оноо авахаар зүтгэдэг. Гэтэл УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь хууль санаачлах ёстой. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Бид тойргийнхоо иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон шүү дээ.

Гэхдээ зөвхөн өөрт санал өгсөн хүмүүсийн төлөө биш нийт сонгогч олны төлөө ажиллах элч гэдэг утгаараа тойрогтоо анхаарал тавих ёстой. Гишүүн бүрийн тойрогтоо анхаарал тавих асуудал өөр, өөр ч гэлээ төстэй зүйл олон. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хомс гээд тулгамдаж буй асуудал нь нэг байдаг. Гишүүд тойрогтоо юу хийснээрээ өрсөлдөх маягаар ажиллаж байгаа нь системийн л онцлог. Нөгөөтэйгүүр улс орны нийтлэг асуудал дээр бүх гишүүд дуу хоолойгоо нэгтгэж ажиллах ёстой.

Ер нь санаа зовоож буй олон асуудлын нэг нь ажил эрхлэлт, ажилтай мөртлөө цалиндаа сэтгэл хангалуун бус байх болчихоод байна. Тэгэхээр эдийн засгийн өсөлтийг бид ямар нэгэн байдлаар бий болгох шаардлага байна.

-Эдийн засаг хүнд байна гэдгийг хүн бүр л ярьж байна. Таны харж буйгаар бидэнд ямар гарц байна вэ?

-Хууль тогтоогчдоос гадна гүйцэтгэх засаглалынхан томоохон төслийг урагшлуулах ёстой гэж харж байгаа. Би үүнтэй санал нэг байна. Зөв стратеги боловсруулаад тууштай хэрэгжүүлэхийн төлөө хийх ажлаа төлөвлөж, ажил хэрэг болгох нь маш чухал. Хэд хэдэн том төслийг хөдөлгөлөө гэхэд эдийн засгийн үржигдэх зарчим буюу тухайн төсөлд зарцуулагдаж буй өртгөөс гадна дагалдах хүчин зүйл болох туслан гүйцэтгэгч, орон нутаг дахь ажлын байр, худалдаа зэрэг нэмэгдэнэ. Энэ бүхэн эдийн засгийг хөдөлгөх нэлээн том хүч болно. Өсөлтийн гол моторыг ингэж харж байгаа. Үүнтэй зэрэгцүүлэн эдийн засгийн чадамжаа нэмэгдүүлэх зоригтой бодлого баримтлах шаардлага тулгарч байна. Өмнө нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, ажлын байрыг олноор бий болгох, 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгох гэхчилэн ярьж байсан. Гэхдээ хэмнэсэн татвараа хаашаа, юунд зарцуулж байна вэ гэдгийг харж урамшуулах нь зүйтэй. Ажлын байр шинээр бий болгосны, үйлдвэрлэлээ өргөжүүлсний урамшуулал гэх зэргээр дэмжвэл эдийн засгийн эерэг хөшүүрэг болоод явна. Хэдийгээр эдийн засгийг сэргээх гарцыг том төслүүд гэж харж байгаа ч гэлээ хүн амын амьжиргаагаа бодвол жижиг, дунд үйлдвэрлэл маш чухал. Хүн амын нийт хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 80 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэлд ажиллаж буй учраас төрөөс бодлогоор дэмжих ёстой.

-Өнгөрсөн амралтын өдөр та тойргийнхоо жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих үзэсгэлэн зохион байгуулсан. Юун тухай, ямар үзэсгэлэн болсон юм бэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Вансэмбэрүү” үзэсгэлэн зохион байгуулсан. Тойрог дээрээ анхлан хийж буй чухал ажлуудын нэг. Эхний зорилго нь дотоодын худалдан авалтыг дэмжих байлаа. Хурим найрын сар болж байна. Бид бэлэг сэлт хайгаад л гүйдэг. Ийм үед дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж тэдний бүтээлийг олон нийтэд хүртээл болгохын тухайд уг үзэсгэлэнг зохион байгуулсан юм. Хоёрдугаарт, жижиг дунд үйлдвэрлэлийг экспортод гаргах цаг болсон. Экспортод гаргая гэхээр ямар асуудал тулгарч байгааг хамтдаа шийдье гэж байгаа юм. Хүн бүр дор бүрнээ жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлснээр, тухайн бүтээгдэхүүнээ экспортод гаргаснаар эдийн засгийн өсөлтийг дэмжих төрийн бодлоготой уялдаатай ажиллана. “Барс” худалдааны төвийн ард болсон энэ үзэсгэлэн худалдаанд оролцсон үйлдвэрлэгчид сэтгэл хангалуун байсан болов уу гэж бодож байгаа. Яагаад энэ газрыг онцлон зохион байгуулсан бэ гэхээр Барсын арын саад уг нь маш гоё ногоон байгууламж. Гэтэл тэрийг иргэд зохистой байдлаар ашиглаж чадахгүй байна. Сааданд амарч байгаа иргэдээс илүүтэй архидан согтуурч буй хүн олон. Тиймээс зохистой газрыг зөв утгаар нь ашиглая гэдэг үүднээс Барсын арын саадыг сонгож авсан. Цаашид ийм үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулдаг, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг газар байгаасай гэж хүсэж байна. Харин үзэсгэлэнгийнхээ үеэр “Шилдэг бүтээл-Шинэ санаа” уралдаан зохион байгуулсан. “Хас гутал” болон арьсан цүнхний “MR” брэндүүд дээрх уралдааны ялагч болж Итали улсын жижиг, дунд үйлдвэртэй танилцах эрхийн бичгийн эзэд болсон. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахын тулд гадаад зах зээлээ судлах, тэдний үйлдвэрлэлтэй танилцах боломж олгох тал дээр дэмжихийг хүсч байна.

-Та УИХ-ын гишүүн болоод хаанаас ажлаа эхэлсэн бэ?

-Гишүүн болоод хамгийн түрүүнд хийнэ гэж бодоод эхлүүлчихсэн нэг ажил бол боловсролын чанарын тухай асуудал. Шат шатны боловсрол, төгссөний дараахь боловсролын асуудал хөдөлмөрийн зах зээлтэйгээ уялдаж байна уу. Уялдахын тулд ямар байдлаар бодлогын чанартай хууль эрхзүйн орчны зохицуулалт хийх хэрэгтэй вэ гэдэгт анхаарал хандуулан ажиллаж байгаа. Энэ ажил судалгааны шатандаа явж байна. Эхний ээлжинд одоо байгаа бүтцээ харах, бүтцээс гадна агуулгыг эргэж харах ёстой. Салбар бүрээ сайн мэдэх эрдэмтдийг зохион байгуулалтад оруулан судалгаа явуулсны үндсэн дээр үнэлэмж гаргаж ирнэ. Дээр нь өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр ямар мэргэжлээр сургууль төгссөн хүн ажилд орж байгаа, ямар мэргэжил дээр илүүдэл гараад ажилд орж чадахгүй байна вэ гэдгийг судалж байна.

-Судалгааны дүн гарч эхэлж байгаа юу?

-Социологийн судалгааны дүн гарч эхэлсэн. Ажил эрхэлж буй хүмүүсийн 60-70 хувь нь ажлын байран дээрээ сэтгэл ханамжгүй байна гэсэн судалгааны дүн гарсан. Хэдийгээр ажилтай боловч ажилдаа сэтгэл хангалуун бус байна. Шалтгаан нь цалин бага. Хоёрдугаарт, буруу мэргэжил сонгосноо ажлын байран дээр гараад мэдэрсэн. Энэ хоёр асуудал судалгааны хамгийн том асуудал байлаа. Ажил эрхэлж буй хүмүүсийн 60-70 хувь нь ажилдаа сэтгэл ханамжгүй байна гэдэг боловсролын салбарын бодлогын уялдаатай шууд холбогдож байгаа. Дээрх тоо бол олон улсын дунджаас хоёр дахин их тоо.

-Өнөөгийн нийгэмд дээд сургууль төгссөн ч гэлээ ажил олдохгүй, ажлын байранд гологдсон хүмүүс их болчихож. Боловсролын тогтолцоо буруу байгаагаас болж байна уу?

-Их, дээд сургуулиуд чанартай байж гэмээнэ дараа, дараагийн хөгжлийн тулгуур суурь тавигдана. Зөвхөн их, дээд сургууль гэлтгүйгээр ерөнхий боловсролын сургууль сайн байвал дээд боловсролын байгууллага сайн байна гэхчлэн бүгд хоорондоо уялдаатай. Өнөөдөр Азийн сургуулиуд дэлхийн шилдэг сургуулиудын тоонд багтаад эхэллээ. Монголын тэргүүлэх сургуулиудад чансаагаа дээшлүүлэх боломж бүрэн байна. Бид оюуны чадавхитай. Гол нь зөв бодлого баримталж ажиллах хэрэгтэй. Бас гэхдээ бодлогоо байнга солих нь сайнгүй. Тэр үүднээс судалгаагаа гүнзгий явуулж дууссаны дараа үнэлэлт, дүгнэлтээ тодорхойлъё.

-Намрын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэж эхэлнэ. Тэвчиж болох бүхнийг тэвчье гэж байгаа мөртлөө харин ч хэрэггүй зардал их гаргаад байна. Золбин нохойд таван тэрбумыг зарцуулна гэх мэт?

-Төсвийн тодотголд тэвчиж болох бүх зардлыг хэмнэнэ гэж оруулж ирсэн. Гэхдээ яг тийм байж чадаж байна уу гэхээр үгүй юм шиг санагдаж байгаа. Судалсан, заавал оруулж ирэх зарцуулалт бий. 2011, 2012 онд эхэлсэн барилгуудыг дуусгах хэрэгтэй. Дутуу чигээр нь байлгаад байлтай биш. Бодит өртгийг нь эргэж хянах нь зүйтэй гэж боддог. Ирэх оны төсвийн төсөөлөл яаж орж ирэх нь вэ гэдгийг л харж байя.

-Засгийн газрын үйл ажиллагаанд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Таны бодлоор ямархуу түвшинд ажиллаж байна вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэж хэлэхэд эрт байна. Хугацаа өгөх ёстой. Яахав, зарим асуудал дээр тухайн ажлыг хамгийн сайн хийж чадах хүмүүсийг томилж чадсан уу гэдгийг нэг бүрчлэн мэдэхгүй юм. Нарийн харахад анхаармаар асуудлууд олон байна. Олон нийт гэлтгүй манай намын УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ үүнийг би эрүүл тогтолцоо гэж харж байгаа. УИХ Засгийн газартаа хяналт тавьж ажиллах ёстой. Шүүмжилж байгаа, шүүмжлэнгүй өнгө аясаар хандаж байгаа нь байх ёстой зүй ёсны үзэгдэл.

-Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн мөртлөө танил талаа харж томилгоо хийх шиг болсон. Зөвхөн Засгийн газар гэлтгүй бусад албан тушаал дээр ч гэлээ иймэрхүү дүр зураг харагдаж байгаа шүү дээ?

-Засгийн газрын ерөнхий ноён нуруу гайгүй. Гэхдээ тэдэн дунд эргэж хармаар, илүү чадвартай хүн сонгож болох байсан даа гэж бодогдох зүйл байсан. Албан тушаалын тухайд хоёр зарчим чухал. Эхнийх нь сонирхлын зөрчил гарахгүй байх хэрэгтэй. Тэр үүднээсээ тухайн байгууллагын удирдлагад төрийн албаны шалгуурыг биш нутаг ус, ах дүүгийн харилцаа харж байвал зөрчилтэй. Тухайн хүний чадварыг үндэслэж томилох их чухал. Хамаатан садан байж таарч буй тохиолдлыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ тухайн хүн үнэхээр сайн чадвартай бол хэн нэгэн хүнтэй хамаатан садан гэдгээр гадуурхагдаж болохгүй. Бид цөөхүүлээ ард түмэн. Яаж ийж яваад л хоорондоо хамааралтай болчих гээд байдаг.

-Таныг бас УИХ-ын дарга М.Энхболдын хамаатан гэдэг?

-Тэр үнээн. Тэр хүн үндэсний хэмжээний лидер. Би бахархаж, аливаа асуудалд нуруутай, улс орноо гэсэн алсын хараатайг нь мэдэрч, суралцаж ажилладаг. Хэдий аливаа амжилтад олон хүний дэмжлэг байгаа ч би өөрийнхөө толгойгоор л эрдэмтэн болж, хичээл номоо сайн хийж өдий зэрэгт хүрсэн гэж боддог. Миний эрдмийн зэрэг хамгаалсан физикийн салбар бол хэн нэгэн хүний хамаатан садан байснаар болчихдог ажил биш. Өөрийн олон жилийн хичээл зүтгэлээр ахиж дэвшдэг салбар. Гэвч улс төр бол эрдмийн ажлаас өөр, илүү багийн, намын бодлого, төрийн бодлогын асуудал гэдгийг сайн ойлгож байна.

-Таныг УИХ дахь хамгийн өндөр боловсролтой гишүүдийн нэг гэдэг. Хаана, ямар сургуульд боловсрол эзэмшсэн бэ?

-Өндөр боловсролтой гэдгийг олон хүнээс, тэр дундаа ахмад гишүүдээсээ сонсоод их урам авч байгаа. Олон жил номын мөр хөөсөн маань өөрийн хүчээр зүтгэж олж авсан амьдралын минь баталгаа. Би эх орондоо МУИС-ийг төгссөн. Их сургуульд физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийн анхны төгсөгч. Намайг төгсөхөд анхны магистрын анги нээгдэж байлаа. Монголынхоо анхны магиструудын нэг болох хувь заяа тохиосон. Цолоо хамгаалчихаад Итали дахь Олон улсын онолын физикийн төвд их энергийн физикийн чиглэлээр суралцсан. Энэ төв олон улсад тэргүүлэх онолын физикийн институт л дээ. Дараа нь АНУ-ын Хойд Каролина мужийн Улсын их сургуульд докторын зэргээ хамгаалсан. Төгсөөд Америкийн Эрчим хүчний яамны харьяа судалгааны хүрээлэнд ажиллаж байхдаа онц тэргүүний судалгааны шагналаар шагнуулж байлаа. Би их азтай хүн.

-Стэнфордын их сургуульд аюулгүй байдал, бодлого судлалын чиглэлээр багшилж байсан гэдэг?

-Физикийн суурь шинжлэх ухаанаа орхин бодлогын судлаач болсон минь улс төрд хөл тавихад чухал үүрэг гүйцэтгэсэн шийдвэр болсон гэж боддог. Стэнфордын их сургуульд бодлого судлал, олон улсын аюулгүй байдал, эрчим хүчний бодлогын чиглэлээр судалгаа хийж багшилж байсан. Эх орондоо ирээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн харьяа Стратегийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байсан тул аюулгүй байдал, гадаад бодлого надад их ойрхон. Тиймээс энэ байнгын хороонд ажиллаж байгаа. Сүүлийн найман жил энэ чиглэлээр мэргэшин ажиллаж байна.

-Таны “Ухаалаг цахилгаан шугам сүлжээний анализын арга” сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлийг гадны улс орнууд өргөн ашигладаг юм билээ. Энэ чухам ямар бүтээл юм бэ?

-Цахилгаан барааг цахилгаанд залгахад бид цахилгаан хүлээж авдаг хэрэглэгч. Гэтэл ухаалаг сүлжээ яагаад хэрэг болж байна вэ гэхээр зарим тохиолдолд хэрэглэгч өөрөө цахилгаан үүсгэх бололцоотой. Жишээлбэл, салхин сэнсний үүсгүүр тухайн хэрэглэгчид байлаа гэхэд хэрэглэгч их салхитай үед өөрийн хэрэгцээнээс илүүг үйлдвэрлэх тохиолдол гардаг. Тэр үедээ илүүдэл цахилгаанаа буцаагаад сүлжээнд нийлүүлж болно. Ингэснээр цахилгаан сүлжээ хэрэглэгчийн цахилгааныг авч хаана илүүдэл, хаана дутагдал байна тэр рүү ухаалгаар зохицуулдаг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг урсгалтай цахилгааныг хоёр урсгалтай болгож илүүдлээ буцааж өгнө.

-Энэ системийг одоо хаана хэрэглэж байгаа вэ. Монголд хэрэглэх боломж бий юу?

-Африк тивийн өмнөд хэсгийн улс орнуудын сүлжээг ашиглан судалгаа хийсэн. Хоёр урсгалт олон үүсгүүрт системээс гадна, аль нэг зангилаа нь террорист халдлага буюу санамсаргүй саатлаас болоход системийн бат бэх байдлыг шалгах боловсруулсан арга юм. Аргачлалаа боловсруулж туршихдаа Америкийн зүүн хойд мужууд буюу Нью-Йорк, Массачуссетс муж, Канадын зүүн хэсэг дээр онолоо туршиж үзсэн. Кэмбрижийн Их сургуульд онолын математикаар хамгаалсан эрдэмтэн бид хоёр миний докторын ажлын бүтээл дээр тулгуурлан боловсруулсан юм. Онол маань зөв байна гэдгийг Хойд Америкийн тивийн дата дээр шалгасны дараа Африк тивийн улсууд дээр ажилласан. Тухайн төсөл дээр ажиллаж байхдаа Монголынхоо сүлжээний бат бэх байдлыг шалгая гэж байх үедээ эх орон руугаа буцах болчихсон. Ер нь бол энэ судалгааг цаашид академик түвшинд судлах бололцоотой.