Categories
мэдээ цаг-үе

Г.Ундармаа: “Итгэлийн танхим” төсөл цаашид ч үргэлжилнэ

Жүжигчин Г.Ундармаатай ярилцлаа.

Та “Шинэ үе” продакшныхаа тоглолтод оролцолгүй нэлээд удлаа. “Шинэ үе”-ээс гарсан гэх юм?

-Одоохондоо тоглолтод орохгүй байгаа. Хамтлагаасаа гараагүй. Чөлөө авсан.

Тэгвэл хэзээнээс “Шинэ үе”-ийн уран бүтээлд оролцох вэ?

-Одоогоор төлөвлөсөн ажлууд байна. Ажлуудаа цэгцэлчихээд хамтлагийнхаа уран бүтээлд орох байх.

-“Single ladies” уран сайхны кино амжилттай болсон. “U-Фильм”-ийн дараагийн уран бүтээл хэзээ гарах бол?

-“U-Film” хоёр дахь уран бүтээлээ удахгүй үзэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна. Зураг авалт дууссан. Дуу оруулалт, хөгжим гэх мэт ажлууд яг одоо хийгдэж байна. Миний хамгийн сайн мэдэх, хамгийн ойр сэдэв бол эмэгтэйчүүдтэй холбоотой гэж би боддог. Учир нь би охин, хүүхэн, бүсгүй, эмэгтэй, эхнэр хэмээн нэрлэгдсэн эмэгтэй хүн. Хэдэн жилийн дараа эмээ гэж бас нэрлэгдэнэ. Эмэгтэй хүний сэтгэлийг, эмэгтэйчүүдийнхээ хүсэл мөрөөдлийг, тэднийхээ амьдралыг ямар ч эрдэм номноос илүүтэйгээр мэдэх учраас л уран бүтээлийнхээ сэдвийг эмэгтэйчүүдтэй холбоотой сэдвээр бүтээж туурвих хүсэлтэй байгаа.Анхны бүтээл маань “Single ladies” инээдмийн кино. Хүмүүс ам сайтай байдагт, бас өнөөдрийг хүртэл “Univision” дээр хүмүүс давтаж үзсээр байгаа гэсэн мэдээллийг сонссондоо баяртай байгаа.

Хоёр дахь кино ямар сэдэвтэй байх бол. Хэзээнээс үзэгчдийн хүртээл болох вэ?

-Уянгын драм байна. Энэ бүтээлээрээ ямар бүсгүй хамгийн аз жаргалтай вэ гэсэн асуултад хариулт өгөхийг, харуулахыгхичээлээ. Киноны нээлт нэгдүгээр сард товлогдсон. Энэ удаа их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардсан зураг авалтуудыг хийсэн.

Найруулагчаар нь та өөрөө ажилласан уу. Кинондоо дүр бүтээсэн үү?

-Ерөнхий найруулагчаар ажилласан. Энэ удаа дүр бүтээсэнгүй. Харин “Single ladies”-ыг манай “U фильм”-ийн анхны уран бүтээл гэдэг утгаараа хоёр бүсгүйтэй хамтарч тоглосон.

Ямар уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа вэ?

– Хамтарч ажилласан уран бүтээлчид болон шинэ уран бүтээлийн тухай мэдээлэл удахгүй цацагдаж эхэлнэ. Тэр үед бүх мэдээллийг өгье.

ЭХЭМҮТ-ийн хүлээлгийн танхимыг тохижуулсныг тань харсан. Дараагийн “Итгэлийн танхим” төсөлт ажил эхэлсэн үү?

– Хэдий би санаачилсан ч гэсэн энэ ажил бүхний ард маш олон сайхан сэтгэлтэй бие биенээ дэмжье, хамтын хөдөлмөрийн үр шимийг үзье, хамтдаа бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй олон хөдөлмөрч бүтээлч хүмүүс байдаг юм шүү гэдгийг онцлон хэлмээр байна.

Гурав дахь төслөө хэрэгжүүлэхээр судалгааны ажлаа эхлүүлсэн байгаа.Маш сайн судалгаа, тооцоо, төлөвлөлт, бэлтгэл ажлын үр дүнд ажил хурдацтай мөн үр дүнтэй хэрэгждэг. Одоо харьцангуй туршлагажсан байна. Тэгэхээр үйлчлүүлэгчид, мөн төсөл хэрэгжих байгууллагадаа аль болох хүндрэл учруулахгүйгээр түргэн шуурхай чанартай бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэж өгч чадна гэдэгтээ улам л итгэлтэй болж байна.

-“Итгэлийн танхим” төслийг хэрхэн эхлүүлж байсан юм бэ?

-Ер нь хамгийн анхны ажил бол Улсын Клиникийн нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн танхимыг засаж тохижуулах ажил байсан. Гэхдээ энэ нь телевизийн реалити шоунд оролцож ялагч болсон сайхан түүх юм. Харин яг “Итгэлийн танхим” ТББ байгуулаад эхэлсэн анхны ажил бол Улсын клиникийн төв эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн хүлээлгийн танхимыг сэргээн засварлах, тохижуулах ажил байлаа. Тэндхийн хоёр хүлээлгийн танхим, үзлэгийн өрөө, хоёр ариун цэврийн өрөө, коридор, эмч нарын өрөө, эмч нарын амралтын өрөө зэргийг нийт 88 сая төгрөгийн төсөвтэйгөөр засаж тохижуулсан.

Дараагийнх нь ЭХЭМҮТ-ийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимыг мөн л 80 гаруй сая төгрөгийн төсөвтэйгөөр сэргээн засварлаж тохижуулсан. Маш их ачаалалтай эмнэлэг шүү дээ. Өдөрт 600-700 хүн үйлчлүүлдэг. Тохижилтын ажил дажгүй болсон шүү. Надад бол таалагдсан. Яг л нэг орчин үеийн эмнэлэг шиг болсон гэж бодож байгаа.

Төсөл хэрэгжүүлэхдээ та өөрөөсөө хэдэн төгрөг гаргасан бэ?

– Эхнийхээ төсөл дээр хувиасаа найман сая төгрөг,хоёр дахь төсөл дээрээ арван хоёр сая төгрөг зарцуулсан байгаа.

Тохижилтын зураг, дизайныг хэн гаргадаг вэ?

-Заслын тухайд мэргэжлийн компанид ханддаг юм. Тэдний гаргасан зургийг би өөрөө батална. Мэдээж хэрэг өөрийнхөө санааг тусгана. Харин материал сонголтыг цэвэр өөрийнхөөрөө сонгосон. Барилгын инженертэйгээ ярилцаж байгаад материалаа авдаг. Зуун айлаар зуун удаа явна шүү дээ. Өглөө эрт бэлтгэлийнхээ хувцасыг өмсөж аваад л цемент, шохойгоо машиндаа ачаад л явж өгнө. Олон өдөр ингэж гүйдэг ч нэг л өдөр үсээ янзлуулчихсан, гоёлын даашинзаа өмсөөд хийсэн ажлаа хүлээлгэж өгөхөөр хамтарч ажилласан хүмүүстэйгээ гар барилцаад баярлаж зогсох тэр мөч хамгийн амттай байдаг.

Эмнэлгийн удирдлагууд, ажилтнууд таны саналыг яаж хүлээж авдаг вэ?

– Мэдээж дуртай хүлээж авна. Мянга мянган хүний эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа хүмүүс тухтай орчинд ажиллах ёстой шүү дээ. Энэ ажлыг эхлүүлснээрээ маш олон хүнээс талархлын үг сонсож байгаа. Фэйсбүүкээр баяр хүргэсэн, урам хайрласан захиа их ирнэ. “Эмнэлэг дээр очиж үзлээ. Зүгээр л нэг жижиг өрөө тохижуулсан юм байх гэж бодсон чинь том заалыг тэр чигээр нь тохижуулсан юм байна” гэж хэлнэ. Хүнд гоё үг хэлж чаддаг хүмүүс сайхан энергитэй шүү дээ. Түүнээс нь бас их эрч хүч авна. Ирсэн захиа бүрт ажлынхаа заваар хариу илгээхийг боддог юм. Ер нь хүний төлөө хийсэн сайн сайхан үйл бүхэн эргээд өөрт маш гоё энерги, хүч чадал, урам зориг, баяр баясгалан бэлэглэдэг шүү дээ. Нэг удаагийнхаа төрсөн өдрөөр нэгдүгээр амаржих газарт мэндэлсэн 50 хүүхдэд бэлэг тараалаа. Тэгсэн энэ жил захиа ирж байна аа. “Өнөөдөр манай охины төрсөн өдөр болж байна. Бас таны төрсөн өдөр. Охин минь хорвоо дээр мэндлээд анхныхаа бэлгийг танаас авсан. Нөхөр бид хоёр охиндоо таны нэрийг өгсөн” гэж бичсэн байсан.

Компаниудад хамтарч ажиллах санал тавиад үгүй гэсэн хариулт сонсож байв уу?

-Ганц хоёр тийм газар бас байна. Мэдээж хэрэг сэтгэлд нь тусалчих юмсан гэсэн санаа байдаг л байх. Төсөв мөнгө нь тусгагдаагүй, энэ удаадаа боломжгүй гэх мэт шалтгаанууд гардаг. Харин миний сэтгэл нэг зүйлд их зовдог. Надад тусалж, төслийг минь дэмжсэн албан байгууллага, найз нөхөд, хувь хүмүүстээ баярлалаа гэж хэлэхээс өөрийг хийж чадахгүй байна. Тэднийгээ баярлуулж чадахгүй байна даа гэж санаа зовдог. Танай сониноор дамжуулаад хамтран ажилласан, тусалж дэмжсэн бүх хүндээ баярлалаа гэж хэлье. Бүр чин сэтгэлээсээ дахин дахин үргэлж баярлаж явдаг шүү гэдгээ илэрхийлье.

Төслийн ирээдүйтэй холбоотой таны мөрөөдөл юу байдаг бол?

-Их гоёор мөрөөддөг юм. Гадныхны хөлөө олчихсон буяны байгууллагыг хараад дотроо битүүхэн атаархана. Гэхдээ хүмүүсийг авч ажиллуулахад цалин өгөхгүй байж болохгүй. Цалин өгөхөөр нэг ч гэсэн материалаа авчихмаар байдаг. Ер нь ажлаа явуулахад заримд нь цалин өгнө. Бас сэтгэлээрээ мөнгө, төгрөг гэхгүй ажиллаж байгаа залуучууд бий. Яваандаа тогтсон цалинтай хэдэн ажилтантай, олон хүнд хүрэх сайхан ажил хийнэ л гэж боддог. Харин би өөрийнхөө уран бүтээлийг хийхдээ хүнээс мөнгө гуйж чаддаггүй. “Single ladies” киног хийхдээ өөрийнхөө ахад хандсанаас биш аль нэг байгууллагаар ивээн тэтгүүлээгүй. Тэгж гуйж чадахгүй юм билээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

М.Амарсанаа: Энэ удаагийн тоглолтын үеэр бид анх удаа нэг нэгээрээ дуулна

Ньюанс” хамтлагийн ахлагч, дуучин М.Амарсанаатай ярилцлаа.

-“Ньюанс” хамтлаг жил бүр театрын баяраар тоглолтоо хийдэг. Харин энэ жил харьцангуй эрт хийж байна шүү?

-Манайх ихэнх тоглолтоо гуравдугаар сарын 25, 26-нд хийдэг байлаа. Энэ удаа харин арваннэгдүгээр сарын 18, 19-нд ДБЭТ-ын тайзнаа тоглох гэж байна. Мэдээж хэрэг жил бүрийн тоглолт онцлогтой болдог. Энэ жил бид анх удаа нэг нэгээрээ дуулах гэж байгаа. Дуучин хүний хоолойн цараа, хамтлагтаа ямар үүрэгтэй дуулдаг вэ гэдгээ нэг бүрчлэн харуулна. Манай хамтлаг байгуулагдаад арван гурван жил боллоо. Энэ хугацаанд бид нэг ч удаа ганц, ганцаараа дуулж үзээгүй. Мөн бидний тоглолтыг үзэхээр ирсэн хүмүүс тайз, гэрэлтүүлэг ямар болж вэ гэдгийг онцгойлон хардаг. Тиймээс их өвөрмөц тайз зассан. ДБЭТ-ын ерөнхий зураач Ганбаатар зургийг нь гаргалаа. Энэ хүн манай бүх л тоглолтын тайзны шийдэл дээр ажилладаг.

Үзэгчдээ улаан хивсээр алхуулан угтаж авдаг. Бас дарс шимсэн шигээ танхим руу орох үзэгчид ганцхан танай тоглолтын үеэр харагддаг?

-Аливаа нэгэн арга хэмжээний оролцогчид буюу дуучин, жүжигчин хүмүүс өөрсдөө улаан хивсээр алхдаг. Харин манайх үзэгчдэдээ хүндэтгэл үзүүлэх үүднээс ийн угтдаг юм. Энэ жил ч бас угтах үйлчилгээ бий. Улаан дарс сонгодог утгаараа бидний тоглолттой нийцдэг. Дээрээс нь цэвэр ус, сайн чанарын ундаагаар ирсэн хүн бүрийг дайлдаг байгаа.

Түрүүн хамтлагийн гишүүд тусдаа дуулна гэж ярилаа. Анзаараад байхад гишүүд тусдаа дуулаад эхлэхээр хамтлаг тарахын дохио болоод байх шиг ээ?

-Тийм юм байхгүй ээ. Бид нар энд тэнд очоод ганцаараа дуулж байсангүй. Байлаа ч маш ховор байх. Хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш байнга л хамт байсан. Цаашдаа ч хамтдаа байна. Яахав хувь уран бүтээлчийн үүднээс дуулахыг хүсдэг бүтээл гэж бий. Тэр боломжийг л энэ удаагийн тоглолтоороо хангаж өгч байгаа юм. Үзэгчдэд ч бас сонин байх болов уу.

Тасалбар ямар үнэтэй байх вэ?

-Аль болох уян хатан үнэ тогтоосон. Суудлын зэрэглэлээсээ хамаараад 20, 40, 60 мянган төгрөгийн үнэтэй.

Тоглолт ямар нэртэй вэ. Дандаа л гадаад нэр өгдөг?

-Энэ удаад бас гадаад нэр өгсөн. “Гранада” гэж. Дууны нэр л дээ. Дэлхийн тенор хоолойтой дуучдын ур чадварыг шалгадаг том бүтээл. Ерөөсөө л их эрч хүч мэдрэгдэнэ. Латин Америк маягийн стильтэй, Мексикт зохиосон дуу. Тоглолтоо эрч хүчтэй байлгая гэсэн үүднээс ингэж нэрлэсэн.

Танайх анх байгуулагдаж байхдаа ДБЭТ-ын дэргэдэх хамтлаг байсан. Одоо хэвээрээ юу. Ер нь яагаад театрын дэргэдэх хамтлаг болчихсон юм бэ?

-Бид нар 2001 онд СУИС-ийг дуулаачийн мэргэжлээр төгсөж байлаа. Дөнгөж төгссөн залуучууд ДБЭТ-т орсон. Удаа ч үгүй байтал шинэ жил боллоо. Тэрүүгээр бидний дөрвөн залуу мэндчилгээ дэвшүүлэхээр болсон юм. Тэгээд л өөрсдийгөө хамтлаг гээд, мэндчилгээ гаргасан. Эндээс л хамтлаг байгуулах санаа төрсөн хэрэг. Дараа нь нэг өдөр МУГЖ Г.Эрдэнэбат ах таараад “За та дөрөвт Ньюанс хамтлаг гэж нэр өглөө” гэсэн. Ингэж хамтлаг байгуулагдсан түүхтэй. Театрынхаа дуучид байсан болохоор ДБЭТ-ын дэргэдэх хамтлаг гэж овоглуулсан. Харин театрынхаа дэргэдээс холдоод жил гаруй хугацаа өнгөрлөө.

Анхны л попера чиглэлээр дуулдаг хамтлаг байлаа даа?

-Тэгэлгүй яахав. Эхний хэдэн жил тайзан дээр гарахад үзэгчид “Больё оо, орооч ээ” л гэж орилдог байлаа. Юун тэр алга ташилт. Нийтийн дуу, рок попоо л сонсдог байсан цаг. Одоо харин өөр болсон шүү. Ийм урсгал байдаг юм байна гэдгийг ойлгочихсон. “Ньюанс”-ыг тайзан дээр гарахыг хүлээдэг болчихож. Энэ бүхэн хүмүүсийн боловсролтой холбоотой л доо.

-“Ньюанс” сонгодог урлагийн хөгжилд хүчин зүтгэж байгаа хамтлаг л даа. Гэхдээ нийтээрээ, үзэгчдээрээ дагаж дуулдаг уран бүтээл хийх болов уу?

-Манай хамтлагийн монгол дуунуудыг үзэгчид дуулна шүү. Эхлээд хүмүүсийн мэддэгээр, үзэгчдийн хэмнэлд тааруулаад дуулж эхэлнэ. Дундаас нь мэдээж хэрэг хүчээ авна шүү дээ. Нэгэнт л тэд биднийг сонсох гэж ирсэн байгаа. Тэгэхээр бид яаж дуулдагаа харуулах ёстой. Бид голдуу жар, далаад оны олны сэтгэлд хүрсэн дууг дуулдаг. Зүгээр нэг аялахгүй, өөрсдийнхөө хэмнэлд оруулж дуулах дуртай.

Яруу найрагч, хөгжмийн зохиолч дээр очоод захиалсан дуу байдаг уу?

-Цөөхөн дөө. Гэхдээ бас байгаа. Сүүлийн үед уран бүтээлчдэд дуу захиалж байгаа. Ирэх жил дүрсжүүлэх төлөвлөгөөтэй. Том Жагаа ахаас “Дэлхийд ганцхан монгол” нэртэй дуу авлаа. мөн “Харанга”-ын Чука ах “Зөвхөн Монголдоо”-г дуулаач гэсэн санал тавьсан. Өнгөрсөн хавар болсон тоглолтын үеэр нь дуулсан. Энэ мэтээр урын сандаа монгол дуу оруулна. Гэхдээ аль болох дуулаачийн ур чадвар шалгасан бүтээл дээр ажиллахыг эрмэлзэж байна.

Дуурийн, попера урсгалын дууг дуулахад гадаад хэлний мэдлэг тодорхой хэмжээнд байх ёстой биз?

-Хэлний боловсрол их шаардлагатай юу гэхээр үгүй. Гэхдээ тодорхой ойлголтгүй бол дуудлага, хэллэг зөв сонсогдохгүй. Бид оюутан байхдаа итали хэлийг хоёр жилийн турш судалсан. Орос хэлний ерөнхий ойлголт бий. Ер нь долоо, найман хэлээр уран бүтээлээ туурвидаг. Бүгдийг нь мэднэ гэж хэлэхгүй ч, цайгаа олоод уучих хэмжээнд ойлгоно.

Орос руу, тэр дундаа Улаан-Үд, Эрхүү рүү их явах юм аа?

-Бид 2012 оны дөрөвдүгээр сараас эхлэн ОХУ руу тоглолтоор явж байгаа. Улиралд бараг гурав, дөрвөн удаа явж байгаа байх шүү. Буриадын ардын жүжигчин Ким Базарсадаев гэж хүнтэй холбогдсоноор хойшоо явах болсон. Энэ хүний соёлын сан гэж байдаг. Тэр газрын урилгаар тоглолт хийж байгаа. Бид нар очоод дуулах л үүрэгтэй. Тоглолтын зохион байгуулалт, маркетингийг нь хийчихсэн байдаг. Үзэгчид ч их сайхан хүлээж авна шүү.

Тэнд хэдэн хүний суудалтай театрт тоглодог вэ. Тасалбарын үнэ ямар байдаг юм бол?

-Очсон газар бүртээ харилцан адилгүй л дээ. 400-800 хүний суудалтай театрт тоглоно. Тасалбарын үнэ мянган рубль байдаг. Манайхаар 60 орчим мянган төгрөг болдог. Хоёр өдөр тоглоход тасалбарын борлуулалт 100 хувьтай байдаг. Түүнд нь урамшаад тоглоод л байна.

Европ руу бас яваад ирсэн дээ?

-Тийшээ олон улсын фестивальд оролцохоор явсан юм. Нэлээн хэдэн жилийн өмнө шүү дээ. Тэндхийн үзэгчид их сүрхий. Босоод, дуулаад, баярлаад сүйд болно. Тэгж яваад эх орондоо ирлээ. Тайзан дээр гартал манайхан бүр таг чиг. Тэгэхээр өөрсдийгөө л болохгүй байна гэж боддог юм билээ. Хэдүүлээ нэг л эмоцигүй байна уу, яагаад байна вэ гэж хоорондоо яриад л. Гэхдээ манай үзэгчид хөөрөх үедээ гоё шүү дээ. Сэтгэл нь хөдлөхөөр гадныхнаас илүү гарна уу гэхээс дутахгүй.

Уран бүтээлийн зүгээс зөвлөгөө өгдөг хүн бий юу. Тэр дууг ингэж дуул ч гэдэг юм уу?

-СУИС-ийн багш нар маань байна. Багш нар дээрээ очоод зөвлөгөө авна. Манай хамтлагийнхан Монголын алтан үеийн гэгддэг уран бүтээлчдийн отгон үеийн шавь нар шүү дээ. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, зууны манлай дуучин Ц.Пүрэвдорж, ардын жүжигчин А.Загдсүрэн, Д.Жамьянжав, гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс нарын шавь.

Танай хамтлагийн гишүүн Өнөрөө одоо хаана, юу хийж байгаа вэ?

-Америкт байгаа. Тэнд сурахаар явсан. Коллежоо төгсөөд хувиараа ажиллаж байгаа. Өнөрөө маань хамтлагаасаа албан ёсоор бол гараагүй. Жил бүрийн тоглолт дээр амжаад ирэхийг хичээдэг. Сүүлд хамтлагийнхаа арван жилийн ойгоор ирж үзэгч олонтойгоо уулзаад явсан. Энэ жил харин амжихгүй бололтой.

Танайх студи нээсэн гэсэн. Бас дуулаачийн сургалт явуулна гэж сонстлоо?

-Студиэ жилийн өмнө нээсэн. Гайхуулах зүйл гэвэл өөрсдөө бүхнийг хийсэн. Барилгын дотоод засал, интерьерээ өөрсдөө хийсэн. Одоо байнгын үйл ажиллагаатай. Хоёр дахь гэр гэж хэлж болно. Ер нь гэртээ байхаас илүүтэй студи дээрээ байж байдаг юм. Дуулаачийн сургалтын тухайд хараахан амжихгүй л байна. Уг нь санаа бол байгаад байгаа юм. Одоохондоо хойшоо тоглолтоор их явж байна. Тэгэхээр сургалтаа тогтмол явуулж чадахгүй болчихоод байгаа. Ер нь санаа бол байгаа. Түр хойшлуулсан гэж ойлгож болно.

Д.ДОРЖДЭРЭМ

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Шарав: Миний уран бүтээлээс хамгийн олон удаа тоглогдсон нь “Сэрсэн тал”

Төрийн соёрхолт, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравтай ярилцлаа.

Та алдарт “Сэрсэн тал”-аа зохиогоод гучин жил болжээ?

-Би 1984 онд “Сэрсэн тал”-ыг бичсэн. Анх тоглосон хамт олон нь Үндэсний дуу, бүжгийн эрдмийн театрын найрал хөгжимчид. Энэ жил манай улсад мэргэжлийн найрал хөгжим үүсэж хөгжсөний 90 жилийн ой болж байгаа юм. Манайх найрал хөгжим цөөтэй шүү дээ. Улаанбаатарт симфони найрал хөгжим хоёр, үндэсний их найрал хөгжим ганцхан байгаа. 90 жилийн ойг улс орон даяар тэмдэглэж байна. Яах аргагүй хөгжим сонсдог, хөгжимд дурладаг түмэн олны баярт тооцогдоно. Хөгжмийн зохиолчдын тухайд ахмадуудаас эхлээд бидний үе хүртэл найрал хөгжим бичээгүй зохиолч ховор. Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэнгээс эхлээд бидний үеийг дамжаад дараагийн үеийнхэн гээд үе үеийн хөгжмийн зохиолчид найрал хөгжимд зориулан бүтээлээ туурвидаг.

Миний хувьд найрал хөгжимд зориулан олон хөгжим бичсэн байна. “Сэрсэн тал”-ын тухайд үндэсний найрал хөгжимд зориулан бичсэн миний анхны бүтээл. Маш олон тоглогдсон гэдгээрээ онцлогтой. Магадгүй миний бүтээлүүдээс хамгийн олон удаа тоглогдсон нь байх. Зөвхөн минийх гэлтгүйүндэсний найрал хөгжимд зориулан бичсэн хөгжмийн бүтээлүүдээс хамгийн олон удаа тоглогдсон гэж бодож байна. Нөгөөдөр ч бас “Сэрсэн тал”-ын 30 жилийн ойд зориулсан тоглолт ҮДБЭЧ-ын тайзнаа болно.

Анх яаж бичиж байсан юм бэ. Сэдэл нь хаанаас төрж байв?

-1984 онд Улс тунхагласны 60 жилийн ой болсон юм. Энэ баяраар томоохон хэмжээний тоглолт болдог байлаа л даа. Тэр жил төрийн найрал хөгжмийнхөн дээр нийслэлд байдаг үндэсний хөгжимтэй газруудын уран бүтээлчид нэмэгдсэн. Нийт 150 хүнтэй найрал хөгжимчид алдарт Ж.Чулуун гуайн удирдлагаар “Сэрсэн тал”-ыг тоглож байлаа. Анх тоглогдохдоо л олон хүний сэтгэл шингэсэн учраас өдийг хүртэл дардан замаар явж байгаа байх. Хөгжмийн зохиолчийн хувьд дахиад олон жил эгшиглэнэ гэж горьдож байгаа.

Ерөнхийдөө захиалгаар бүтсэн юм байна шүү дээ?

-Захиалга байсан. Тэр жилийн тоглолтыг Н.Жанцанноров найруулж байсан юм. Намайг дуудаад ардын найрал хөгжимд зориулсан зохиол хэрэгтэй байна гэлээ. Би тэр үед сургуулиа төгсөөд дөнгөж нэг жил болж байсан. Даалгавар өгөхөд “За, би бичье ээ” л гэж байгаа юм. Харин их амархан бичсэн дээ. Одоо бодоход тэгж их сууж байлаа, ингэж зовж байжээ гэж бодогдох юм алга. Нэг л мэдэхэд дууссан. Дуусчихаад найрал хөгжмийнхөнтэй дуугаргаж үзлээ. Ж.Чулуун гуай удирдаж байсан. Концертын найруулагч, зохион байгуулах комиссынхон гээд олон хүн сонссон. Аргагүй шүү дээ, нарийн хяналттай байсан үе юм чинь. Жаахан засвар оруулж байсан санагдаж байна.

Их л өрнүүн, цог золбоотой хөгжим дөө. Юу бодож бичиж байв?

-Би багадаа хурдан морь унаж хөдөө өссөн. Малчны хүүхэд. “Сэрсэн тал” миний бага насны амьдралтай холбоотой. Захиалагчийн санаа юу байсан бэ гэхээр, ерөөсөө л Монгол орны сэрж буй амьдрал. Талд амьдрал сэрж байгаа тухай. Тэр дотор наадам ч орно. Монголын ард түмний сэрж байгааг, хийж бүтээх зориг, эрмэлзлийг дүрслэх учиртай байсан. Одоо наадмаар морь уралдахад “Сэрсэн тал” байнга явж байдаг. Хурдан морины уралдаантай сайхан таардаг.

Бүтээлийнхээ нэрийг та өөрөө өгсөн юм уу?

-Би өгөөгүй. Баярын тоглолтын зохион байгуулагчдын өгсөн нэр. Н.Жанцанноров ч юм уу, эсвэл Ж.Чулуун гуай л өгсөн байх. Ярилцаж байгаад хамтарч өгөө байлгүй. Жанрын тухайд удиртгал шүү дээ. Би бол зүгээр л удиртгал гэж бичээд өгчихсөн. Сүүлд тоглолтод орохдоо “Сэрсэн тал” гэж дуудуулж байлаа. Нэр нь ч их оносон.

-“Сэрсэн тал”-ыг бичсэнээсээ хойш хэдхэн жилийн дараа Төрийн шагнал авсан байх аа?

-Хүмүүс намайг “Сэрсэн тал”-аар Төрийн шагнал авсан гэж боддог. Нэг хэсэг тэгж ярьж, бичиж байлаа. Гэхдээ тийм биш юм. Оюутан байхаасаа симфони зохиолууд бичиж байсан. 1987 онд Азийн хөгжмийн симпозиумд миний “Замбу тивийн наран” магтуу амжилттай оролцож шилдэг зохиолоор шалгарсан. Хоёрдугаар симфони гэж бүтээл Ленинградад болсон олон улсын их наадамд амжилттай оролцсон. Энэ хоёр бүтээлээрээ би төрийн шагнал авсан юм.

-“Аав ээж хоёр минь” дууны гучин жилийн ой бас энэ онд болж байна уу?

-Тэгж таарна. Бас л 1984 онд бичиж байсан. Энэ бүтээлийг дуулаагүй мэргэжлийн дуучин гэж байхгүй.МУГЖ П.Ганбат агсан П.И.Чайковскийн уралдаанд хоёрдугаар байр эзлэхдээ дуулж байлаа. Тэрнээс хойш уралдаан наадамд оролцож байгаа залуу дуучид “Аав ээж хоёр минь”-ийг дуулж байгаа. Сүүлд Т.Амартүвшин бас дуулсан. Наадамд төдийгүй шагналтнуудын концертод оролцохдоо хүртэл дуулсан байдаг.

Ингэж дуулахдаа зохиогчоос нь зөвшөөрөл авдаг уу?

-Бидний үеийнхэн зохиогчийн эрх гэдгийг мэдэхгүй өнгөрч байна. Зохиогчийн эрхийг хамгаалах байгууллага бий болоод арваад жил болж байгаа гэдэг. Надад бол ийм газар байдаг нь мэдэгдэхгүй л юм. Гэхдээ энэ дуу сургалтын хөтөлбөрт хүртэл багтчихсан. Таны “Аав ээж хоёр минь”-ийг дуулах гэж байна гээд зөвшөөрөл авч байсан дуучныг би лав санахгүй. Ард түмний өмч болчихсон дуу л даа.

Та Багшийн дээд сургуулийн дуу, хөгжмийн багшийн ангийг төгссөн байх аа?

-Багшийн сургуулийн хөгжмийн анги гэж буянтай сайхан сургууль байна. Тэр үеийн нэрээр Багшийн техникумыг төгссөн. Төгсөөд нийслэлийн нэгдүгээр сургуульд гурван жил багшилж байгаад хойшоо сургуульд явсан юм. Тэр үед сургуулиа төгссөн хүүхдийг улсын байгууллагад гурван жил ажиллуулж байж гадагшаа сургуульд явуулдаг байлаа.

Орос руу мэргэжил дээшлүүлэх гэж явсан уу?

-Свердловск хотын Хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид найман жил сурсан. Оюутан байхдаа их мэрийнэ. Оросын хөгжмийн сургалт дэлхийд гайхагддаг шүү дээ. Оросууд дэлхийн хөгжмийн түүхийг бүтээлцсэн, дархлалцсан, дэлхийд алдартай хөгжмийн зохиолчдыг гаргаж ирсэн ард түмэн. Тэндээс чадах ядахаараа суралцах гэж хичээнэ. Тэнд гайгүй л сурсан юм байлгүй. Ирээд дажгүй л байна.

Багш нарынхаа тухай ярихгүй юу. Хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн шавь гэдэг юм билээ?

-Ганц С.Гончигсумлаа багш гэлтгүй ахмад үеийнхнээ яримаар байна. Бидний ахмад үеийнхэн их гавьяатай, ард түмнийхээ өмнө үнэ хүндтэй хүмүүс. Алтан үе гэж хэлээд байгаа чинь дэмий хоосон үг биш. С.Гончигсумлаа багш, Л.Мөрдорж багш, Б.Дамдинсүрэн гуай нар голлодог байлаа. Монголын урлагийг ардын урлаг байхаас нь ажилласан улс. Дуурийн театр, Улсын филармони, Хөгжим, бүжгийн сургууль гээд бүгдийг байгуулсан. Тэр суурин дээр Монголын урлаг өдий зэрэгтэй явж байна. Энэ хүмүүсийн гавьяа дундаршгүй, ард түмэн хэзээ ч мартах ёсгүй. Өнөөдөр би “Сэрсэн тал”-ын гучин жил гээд яриад сууж байгаа нь бас л энэ хүмүүсийн гавьяа. Яагаад гэвэл би С.Гончигсумлаагийн шавь. Хөгжим оролддог хүүхэд байхаас л намайг өөрийн хүүхэд шигээ санаж ирсэн. Хойшоо сургуульд явуулаад, ирсэн хойно ч байнга зөвлөдөг байлаа. Зохиолоо ингэж бич, тэгж ажилла гэж зөвлөнө. Ахмад үеийн гавьяагаар Монголын урлаг өдий зэрэгтэй яваа.

Таны “Замбу тивийн наран” магтуу ЮНЕСКО-гийн фондод орсон гэдэг дээ?

-1987 онд болсон наадамд “Замбу тивийн наран” бүтээлээрээ оролцсон гэж түрүүн хэлсэн. ЮНЕСКО-д яагаад орсон бэ гэхээр би тэр үед бүтээлээ ардын урлаг тал руу хандуулсан юм. Уртын дуу, эртний Монголын түүх соёл руу бүтээлээ хандуулсан. Дээрээс нь тэр үед хөгжиж байсан орчин үеийн арга техникийг ашигласан хэрэг. Ингэхээр шинэ хуучин хоёрыг хослуулсан арга болноо доо. Тухайн үед их л шинэлэг сонсогдсон байх. Үүгээрээ ЮНЕСКО-гийн дэргэд байдаг дэлхийн хөгжмийн фондод багтсан. Манайхаас Н.Норовбанзад гуайн “Уяхан замбу тивийн наран”, Ж.Чулуун гуайн ардын дууны хоёр хувилбар аяз байдаг. Минийх Монголын гурав дахь бүтээл болон нэмэгдэж орж байлаа.

Хөлбөмбөгийн ДАШТ, Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа гээд хүн төрөлхтний томоохон арга хэмжээний нээлт дээр таны бүтээл эгшиглэж байсан. Олон улсын томоохон арга хэмжээг таны бүтээлээр нээхдээ зохих зөвшөөрөл авна биз дээ?

-Зөвшөөрөл авна. Зарим үед нь би өөрөө очиж оролцсон байх жишээтэй. Дэлхийн хөгжмийн сүлжээ замбараагүй том зүйл биш шүү дээ. Манай дэлхий жижигхэнээ хүрвэл жижигхэн. Америкт миний симфони зохиолыг удирдсан удирдаач, Японд миний олон бүтээлийг удирдсан удирдаач байна. Дэлхийн хэмжээний хүмүүстэй холбогдсоны ачаар оролцоход хэцүү наадамд миний бүтээл чамгүй олон удаа тоглогдсон байгаа.

Таны бүтээлүүдийг хараад байхад Чингэс хаантай их холбоотой байдаг. Тэр ч үүднээсээ Чингэс хааны одонгоор шагнуулсан анхны уран бүтээлч болж байсан шүү дээ?

-Чингэс хааны одонгийн хоёр дахийг нь надад өгсөн. Миний өмнө П.Очирбат гуай авч байлаа. Мэдээж миний уран бүтээл Чингэс хаантай их холбоотой. Чингэс хаан дуурь байна. Хоёрдугаар симфони үндсэндээ Чингэс хааны тухай. Алтан ураг үндэсний бүжгийн жүжиг байна. Гэх мэтчилэн олон бүтээл байдаг. Монгол хүн, тэр тусмаа Монголын уран бүтээлч Чингэс хааны одонгоор шагнуулна гэдэг их том зүйл байсан. Бахархаж явдаг.

Та хэн нэгэнд зориулан бүтээл туурвиж байв уу?

-Хүнд зориулсан бүтээл цөөхөн байх. Миний бурхан болсон найзууд бий. Тэдэндээ зориулан “Зул” гэж бүтээл бичлээ. Ер нь надад онцгойлон нэг хүнд зориулсан бүтээл цөөхөн байдаг юм.

Таны найзууд, тэр дундаа Чинзориг, Билигжаргал гэж дундаршгүй авьяастай хөгжмийн зохиолчид байлаа. Тэднийгээ дурсахгүй юу?

-Бид гурав сайхан найзууд байлаа. Гурвуулаа С.Гончигсумлаа багшийн шавь. Хойно бас нэг сургуульд суралцаж нэг багшийн шавь болсон. Төгсөж ирээд бас л нэг тогоонд буцалсан. Бие биенээсээ салж, хол байж үзээгүй. Билигжаргал бид хоёр дөчин жил хамт явсан хоёр. Багшийн дээд сургуульд байхаасаа л нөхөрлөсөн. Тэр үед Билгээ 14-тэй, би 16-тай байлаа. Багаасаа найзалж, өвөр түрийдээ орж өссөн. Тувт хамт байсан найз минь зургаан жилийн өмнө бурхны оронд одлоо доо.

Мэргэжил нэгтэй сайн найзууд нэгийгээ ёстой нэг зад шүүмжилнэ биз?

-Өө тэгэлгүй яахав. Хөгжмийн зохиолчид цөөхөн шүү дээ. Ховорхон мэргэжилтэй болохоор бие биенийгээ хурцалж, зоригжуулж, ойлгоно. Найзууд юм чинь шүүмжлэхдээ ёстой нэг зад авна даа. Өөд нь харуулна гэж байхгүй, хамаагүй хэлнэ. Дурсамж их юм даа. 1986 онд Ламбагуайн нулимсыг анх тоглож байх үед Билгээ маань гэртээ ганцаараа байсан. А.Долгор гадагшаа сургуульд явчихсан. Би ганц найз нь юм чинь хань болохоос яахав. Байнга л гэрт нь байж байна. Ламбагуайн нулимсыг тоглосны дараа хэдэн төгрөгтэй болчихоод түүгээрээ Саппорогийн дэлгүүрээс хивс авч байсан. Ээлжилж үүрч явсаар том өрөөнд нь дэвсэж байлаа. Хивсээ харж хөөрөөд, дээр нь завилж суугаад найрлаж байсан үе тодхон санагдаж байна.

Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Яг өнөө маргаашдаа гэвэл өмнөд монголчуудын хийж байгаа “Үхэрт хүйтэн” киноны зохиол дээр ажиллаж байна. Сүүлийн нэг жилийн тухайд гэвэл “Чингэс хаан” дуурийн зохиол дээр ажиллалаа. Чингэс хаан дуурь миний томоохон бүтээлийн нэг. Засвар хийх ёстой байсан. Би анхнаасаа хоёр найрал дуутай, их өргөн оркестортойгоор бодчихсон байсан. Тэр хэмжээндээ хүргэж хэзээ ч тавигдаагүй. Тиймээс одоогийн нөхцөлдөө тааруулан засвар хийж байна. Багасгаж байгаа гэсэн үг.

Л.Эрдэнэбулган найруулагчийн “Үхэж үл болно Чингэс хаан” киноны хөгжмийн зохиолыг бичсэнээс хойш киноны уран бүтээл дээр ажиллаагүй гэж бодож байлаа?

-Тэр киноны хөгжмийг бичсэнээс хойш ёстой цөөхөн киноны хөгжим дээр ажилласан юм байна. Киноны хөгжим хөгжмийн зохиолчдод их өгөөжтэй байдаг. Боломж гарвал бичиж баймаар. Миний “Сэтгэлийн эгшиг” зохиол байна. “Гэгээн алсад одох юмсан”, “Бөртэ хатан” байна. Кинонд зориулан бичсэн зохиол хүнд хүрэхдээ хурдан. “Мандухай цэцэн хатан”-ы хөгжмийг хүмүүс сайн мэддэг. Киноны ач шүү дээ.

-“Үхэж үл болно Чингэс хаан” киноны хөгжмийг “Мандухай цэцэн хатан”-ы хөгжимтэй дүйх сайн бүтээл болсон гэж ярьдаг?

-Дүйж очно гэдгийг би таалахгүй байна. Энэ бол өөр бүтээл. Одоо харин шинэ юм хиймээр байна. Захиалга орж ирэхгүй байна шүү дээ. Дуурийн театрынханд хэлээд байгаа юм. Би насаараа үнэгүй ажиллалаа. Одоо үнэтэй ажиллана аа гэж. Гэхдээ үнэ хэллээ гээд айхтар том тоо хэлэхгүй. Урлагийн байгууллагууд уран бүтээлд зарах мөнгөгүй байна гэдэг эмгэнэл. Би өмнөд Монголын кинонд ажиллаж байгаа нь тэд нарт хайртайдаа биш байхгүй юу. Хаана эдийн засгийн чадал байна, тэнд уран бүтээл төрнө шүү дээ.

Таны удамд хөгжмийн, дуу хуурын авьяастай хүн байсан уу?

-Би эхээс долуулаа. Бүгд дуулж хуурддаг хүмүүс. Цөмөөрөө хөгжимд хайртай. Гэрийнхнээсээ хамгийн муу дуулдаг нь би. Манай ах дүү нар хөгжимд дуртай байдгийн шалтгаан нь манай аав, өвөө морин хуур тоглодог хүмүүс байсан. Дээрээс нь гарын уртай. Авдарны нүүр эрээлдэг, сийлдэг хүмүүс байлаа. Тэдний авьяас надад шингээ юм болов уу.

Хөгжмийн зохиолчид гэр бүлээсээ саллаа гэж их дуулддаг. Таныг эхнэрээ солиогүй ганц хөгжмийн зохиолч гэдэг юм билээ?

-Уран бүтээлч хүн хэцүү шүү дээ. Цаг наргүй ажиллана. Сэтгэл их хөөрнө. Ар гэрийн амьдрал хүнд их чухал. Найдвартай, түшигтэй байх ёстой. Миний гэргий ар гэрийн ажлыг тэр чигт нь дааж яваа. Тэр хүний гавьяа их бий дээ. Өдий зэрэгтэй явж байгаа нь ханийн минь гавьяа. Манайх гурван хүүхэдтэй.

Хүүхдүүдээс тань таны мэргэжлийг өвлөсөн хүн бий юу?

-Нэг нь миний мэргэжлийгөвлөсөн. Хойно хөгжмийн зохиолчийн анги төгсөөд ирсэн. Одоохондоо зохиол бүтээл нэг их бичихгүй байна. Яваандаа бичих болов уу гэж горьдож байгаа. Залуу ч байна даа. СУИС-д багшилж байна.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Хурдлах дуртай залуусын уралдах газар нээгджээ

Улаанбаатараас Цонжин болдог явах замд “Скай фрэндс” хувийн аэродром бий. Тэнд хувийн онгоцнууд хөөрч, буудгийг хүмүүс мэдэх байх. Харин саяхнаас нисэх онгоцныхоо буудлын дэргэд уралдааны машины зам байгуулжээ. Тэндээ “Go kart raceway” төрлийн арав гаруй уралдааны машин оруулж иржээ. Харахад газартай наалдчихаа юу гэмээр намхан, “Формула-1”-д уралддаг машинтай төстэй ажээ. Кузовгүй учраас дотор нь суусан хүн ил харагдана. Машинууд нь улаан, улбар шар, саарал өнгөтэй. Дөрвөн талдаа зөөлөвч маягийн резинтэй. Хоорондоо, эсвэл хашлага мөргөвөл доргилт бараг мэдрэгдэхгүй гэсэн. Уралдааны замын тухайд дэлхийн стандарт 400-1600 метрийн урттай байдаг. Манайд анх удаа байгуулагдсан болохоор эхний ээлжинд хамгийн богино зам буюу 400 метртэйг сонгожээ. Гэхдээ шув шулуун биш. Жолоочийн ур чадварыг шалгасан тойрог ихтэй. Өргөн нь харилцан адилгүй. Яг уралдааны зам дээрээ шулуунд зургаа, тойрогт долоон метрийн өргөнтэй. Харин гараа, барианы хэсэг 10 метрийн өргөн. Машинаа Шанхайн урд хэсгээс “Go kart raceway” төрлийн уралдааны машины үйлдвэрээс очиж авчээ.

Ийм машинаар уралдахад янз бүрийн эрсдэл байхгүй. Маш намхан буюу газраас дээш тавхан см-ийн өндөртэй учраас онхолдох асуудал гардаггүй юм байна. Зам нь ч бас элдэв саад байхгүй толигор. Жаахан ч гэсэн цуурсан бол аюулгүй байдал алдагдана. Тиймээс толь шиг гөлгөр замтай байх ёстой ажээ. Машины тухай ерөнхий мэдээлэл ийн аваад жолоодож үзэхээр болов. Алхаж ороод суучихлаа. Суудал нь газар байгаа гэсэн үг. Хоёр хөлөө урагш жийгээд суудаг ажээ. Суудлын бүс, хамгаалалт гэж байхгүй. Уралдааны зориулалттай учраас автомашины суудлаас арай өөр юм. Автомашинд хэрэглэх зориулалттай хүүхдийн суудал гэж байдаг даа. Яг л тиймэрхүү. Хоёр тийшээ найгахад суудал нь цаанаасаа хүний биеийг барьж өгөх зориулалттай. Тайлбарлагчийн зөвлөсний дагуу нуруугаа сандалдаа наагаад суучихлаа. Харин хоёр хөл хааз, тоормосон дээр яг очиж байна шүү. Тоормос хэрэглэх шаардлага бараг гарахгүй. Хаазаа гишгэхээ болихоор машин өөрөө хурдаа саадаг гэнэ. Ингээд хамгаалалтын дуулга өмсөөд хөдөллөө дөө. Асаахдаа түлхүүр хэрэглэхгүй юм. Суудлын ард байх моторыг асаах ажээ. Машины жин 120-130 кг. Бензин хөдөлгүүртэй. 45 км/цаг хурдалдаг гэсэн. Машин асангуут “За хаазлаад байгаарай” гэв. Уралдааны машин учраас хэт хурдалж болохгүй байх, хэрэв явж байгаад хажуу тийш онхолдвол, эсвэл юм мөргөвөл шууд гэмтэл авах юм байна гэж бодоод зугуухан хаазлав. Хөл хаазан дээр хүрэв үү, үгүй юу машин хурдаа авдаг ажээ. Мотор нь яг хажууханд учраас сүртэй гэгч нь хүнгэнэж байна. Уралдааны зам руу орохын өмнөх хоёр гурван метр зайд хаазаа яаж гишгэх вэ, жолоогоо хэрхэн мушгих вэ, зогсоох бол яах билээ гэдгийг туршиж үзэв. Ерөнхийдөө тэгтлээ айж сандраад байх зүйлгүй ажээ. Заавар хэнд ч ойлгомжтой болохоор уралдааны зам руу дөнгөж ороод л хаазаа гишгэж гарав. Хурдаа богинохон хугацаанд авдаг юм байна. Шулуун замд давхиад баймаар санагдаж байлаа. Харин тойрог дээр эхний удаад тун болгоомжтой эргэв. Жолоо нь бага зэрэг хатуу ч гэлээ гарын хөдөлгөөнийг маш сайн мэдэрнэ. Бага зэрэг залах төдийд эргэж байв. Эхний тойргийг машинтай танилцах, хөдөлгөөнөө хянах маягаар дуусгалаа. Харин дараа, дараагийн тойргууд дээр давхиад л баймаар юм билээ. Жирийн машинаар тойрог дээр хурдтай, огцом эргэвэл онхолдох аюултай. Уралдааны машин тиймгүй. Хурдтай орж ирээд жолоогоо мушгихад бага зэрэг сандарсан ч огтхон ч ажрахааргүй юм. Машиныхаа “аашийг” мэддэг болчихоор 400 метр замыг минут ч хүрэхгүй хугацаанд тойрчихов. Улам хурдалмаар санагдаад хэд хэдэн удаа тойроодхов. Ингэж уралдаж үзэхэд нэг тойрог нь 5000 төгрөгийн үнэтэй.

Эднийх машинуудаа өнгөрсөн наймдугаар сард оруулж иржээ. Удаагүй байгаа ч гэлээ залуучууд аль хэдийнэ мэддэг болчихож. Амралтын өдрүүдээр үйлчлүүлэгч ихтэй болдог гэнэ. Ирсэн залуус хоорондоо бооцоо тавьж уралдахаас гадна өөрсдийнхөө машин дээр хийх боломжгүй үйлдлээ оролдож үздэг ажээ. Уралдааны бооцоо янз бүр. Залуучууд дуртай зүйлээрээ бооцоо тавина. Тойргийн мөнгө даахаас эхлүүлээд тав, арав, хорин мянган төгрөгийн бооцоотой уралддаг гэнэ. Түүнээс өндөр бооцоо ч бий. Сарын өмнө хоёр залуу хүрч ирээд 250 мянган төгрөгийн бооцоотой уралдаад явжээ. Уралдаж байгаа залуус бие биетэйгээ өрсөлдөхөөс гадна цаг харж давхидаг. Тэдгээр залуусын нэг нь 400 метр замыг 23 секундэд туулжээ. Одоогоор түүний амжилтыг эвдсэн хүн байхгүй байгаа гэсэн. Харин ихэнхдээ уг замыг дунджаар 40 секундэд туулдаг юм байна. Эрчүүдтэй зэрэгцээд хүүхнүүд ч уралдах дуртай. Байнга ирж уралддаг эмэгтэйчүүд ч бий гэнэ. Хүүхнүүд өдрийн хоолонд даахаас эхлээд түрүүлсэн нэгэндээ шинэ цүнх, гутал авч өгөх бооцоо тавьж уралддаг юм байна. Ер нь 15-аас дээш настай хэн ч уг машинаар уралдаж үзэх боломжтой гэсэн. Тус газрын зохион байгуулагч Д.Баянжаргал “Залуусын ухамсар, биеэ авч яваа байдал жилээс жилд дээшилж байгаа. Уралдааны машин оруулж ирснээс хойш залуучууд их ирдэг болсон. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх хүсэлтэй байгаа нь анзаарагддаг. Саяхан л гэхэд төрсөн өдрөө тэмдэглэж байгаа хэдэн залуу ирээд явлаа. Архи дарс сэнгэнүүлсэн нэг ч хүн манайд ирж байгаагүй. Тийм болохоор залуучуудаараа бахархаж байна” гэв. Эднийд ирж байгаа хүмүүс өндөр сэтгэгдэлтэй буцдаг ажээ. Өмнө нь агаарт гарахыг хүссэн ч очоод хийх зүйл байдаггүй байсан, танайх цэвэр агаарт сайхан үйл ажиллагаа явуулж байна гэх талархлын үг тасардаггүй гэсэн. Тиймээс үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхийг зорих болжээ. Уралдааны машины дугуй хээгүй, гөлгөр учраас цас орсон үед унах боломжгүй. Харин өвөл унаж болох цасны мотоцикль, цасны машин оруулж ирэх талаар судалгаа явуулж байгаа юм байна.

“Go kart raceway” машиныг манайхан өмнө нь оруулж ирж байгаагүй учраас шинэ төрөлд тооцогдож байгаа. Тиймээс урлаг, спортынхон эднийд хүрч ирж кино, клипнийхээ зургийг авч байгаа гэсэн. МУГЖ дуучин Д.Оюунтүлхүүр “Хайрын эгшиг” тоглолтдоо зориулсан гурван дууныхаа нэгийг энд ирж дүрсжүүлжээ. Сүүлд харин “Омарын эрэлд” уран сайхны киноны хамт олон уралдааны машинтай зураг авсан гэнэ.

“Скай фрэндс” хувийн аэродром дээр “Go kart raceway” уралдааны машин байхаас гадна “Томас эйр” ХХК-ийн онгоцнууд бий. “JU-1919”, “JU 1911” гэсэн гурван төрлийн онгоцтой. Дөрөв, зургаан хүний суудалтай эдгээр онгоц “Томас эйр” компанийнх. Эднийх хувийн компаниуд болон хувь хүмүүсийн онгоцыг буулгаж, хөөргөх аэродромыг 2010 онд байгуулжээ. Аэродром ямар байх ёстой, бүх л шаардлагыг хангаж ажилладаг юм байна. Хүлээлгийн танхим, нисгэгчийн өрөө, зорчигчийн өрөө, нисгэгчийн сургалтын төв, нислэгийн удирдлагын өрөөтэй. Онгоц буух, хөөрөх шороон зурвастай ажээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мах хямдарчихлаа. Одоо хуушуурынхаа үнийг буулгаач ээ

“Шонхор” худалдааны төв дээр хонины гулууз мах нэг кг нь 4300 төгрөгийн үнэтэй байна. Энэ бол бөөнийх буюу өглөө эртийн үнэ. Лангуу руу оруулаад жижиглэнгээр худалдаалахдаа нэг кг-ыг нь 5000-6000 төгрөгөөр зарж байгаа ажээ. Харин үхрийн мах 4500-5200 төгрөгийн үнэтэй. Өглөө эрт очоод сайн мах авъя гэвэл 5200-аар, тааруухан шиг махыг 4500 төгрөгөөр авч болно. Адууны мах 3500, ямааны мах 3700, тэмээнийх 3000 төгрөгийн үнэтэй байв. Бөөндөх юм бол бүр хямдаар авч болно. Махны үнэ ийн хямдарсан нь нийлүүлэлт их байгаатай холбоотой. Намрын эхэн сараас хойш махны үнэ ерөнхийдөө хямд, тогтвортой байгаа гэж худалдагчид ярьж байв. Үдийн алдад “Шонхор” худалдааны төв дээр очиход үйлчлүүлэгч багатай байсан. Харин захын гадна талд орон нутгийн дугаартай “Портер” голдуу машинууд эгнэчихэж. Өвөрхангай, Архангай, Дорнод, Хэнтий, Булган, Төв аймгийн дугаартай машинууд байна. Үүрээр нийслэлд орж ирэн махаа борлуулчихаад хэсэг хугацаанд нойроо авч байгаа ажээ. Өвөрхангайгаас ирсэн жолоочтой уулзав. Тэрээр “Би хоёр найзтайгаа нийлэн мах оруулж ирдэг юм. Хөдөөгүүр мал сайн олдож байна. Энд ирээд мах элбэг учраас хямдхан өгчихөөд буцаж байгаа. Өглөө гучин хонь, арван үхэртэй ирсэн. Бүгдийг нь бөөндөөд өгчихлөө. Үдээс хойш нутаг буцаад тав дахиас эргээд ирнэ” гэв. Ер нь малчид малаа зарах дуртай байгаа ажээ. Эр хонь 100-120 мянга, төлөг 30-50 мянгаар авч байгаа гэнэ. Харин зах дотор лангууны ард зогсоо худалдагчид “Сайхан шинэ мах байна. Үнийг нь буулгаад ав” л гэх юм. Жижиглэнгээр мах авах бол тарган сайхан хонины мах нэг кг-ыг нь 5000 төгрөгөөр аваарай гэж байлаа.

Махны үнэ ингэж хямдарсан болохоор дотор мах буюу дайвар бүтээгдэхүүн гүйлгээ багатай байгаа ажээ. “Кг мах 10 мянга хүрэхээр дайвар бүтээгдэхүүн олдохоо больдог юм. Одоо харин үнэ хямд байгаа болохоор дотор мах зарагдахгүй байна” гэж байна. Эндээс өглөө эрт ирж мах авдаг хүмүүс нь томоохон зах, худалдааны төвд мах зардаг худалдагчид. “Хүчит шонхор”-оос бөөндөж авсан үнэ дээрээ 1000-1500 төгрөг нэмээд жижиглэнгээр борлуулдаг. Бас гуанз, рестораныхан хамгийн түрүүнд ирдэг гэсэн. Тэд хөдөөнөөс оруулж ирсэн махыг ченжийн гар дамжуулалгүй хямд үнээр авдаг. Ихэнх нь аваад сурчихсан байнгын нийлүүлэгчтэй болчихсон байдаг ажээ. Ялангуяа хоолны сүлжээ ресторан, нийтийн хоолны газрууд өдөр бүр ирж мах авдаг гэсэн. Харин олон жил үйл ажиллагаа явуулж буй зарим газарт махыг нь захиалгаар хүргэж өгдөг гэж байлаа.

Ресторан, гуанзууд иймэрхүү үнээр махаа авч байна. Гэтэл хуушуур хамгийн хямддаа 800 төгрөгийн үнэтэй байгаа. Хэдэн жилийн өмнө 350-500 төгрөгөөр боломжийн сайхан махтай хуушуур аваад идчихдэг байсан. Харин тэр үед нэг кг хонины махны үнэ 10 мянга давж байв. Хоолны газрууд болохоо байлаа, ашиг орлого олох нь битгий хэл дампуурах нь гэсээр үнээ нэмчихсэн билээ. Кг хонины мах 10 мянга байхад нэг ширхэг хуушуурыг 800 төгрөгөөр зарвал ашигтай ажиллана гэж тооцоолсон хэрэг. Гэтэл өнөөдөр хонины мах 4300 төгрөг болчихлоо. Үхрийн махаа 5200 төгрөөр авч байна. Харин хуушуур ямар үнэтэй байгааг сонирхов.

ТАВАН ШИРХЭГ ХУУШУУР 15300 ТӨГРӨГ

Сүлжээ хоолны газрууд буюу “Broadway”, “Modern nomads”-аар орлоо. Эдгээр газар европ хоолноос гадна монгол хоолны сонголттой гэдгийг хүмүүс андахгүй. Захиалга өгч байгаа хүмүүсийг анзаараад байхад монгол хоолоо голдуу идэж байгаа харагдсан. Хуушуур, бууз, банштай цай, үхрийн чанасан толгой, хонины өвчүү, хавирга, битүү шөл зэрэг үндэсний хоолтой. Харин хуушуур, бууз зэргийг ширхэглэн зардаггүй. “Broadway”-д л гэхэд хуушуураа таван ширхгийг нэг порц болгон зардаг. Холимог ногооны салаттай, гараар татсан үхрийн махтай таван ширхэг гэрийн хуушуур 15300 төгрөгийн үнэтэй. Тэгэхээр нэг хуушуур 3000 орчим төгрөгийн үнэтэй байгаа юм. Өнөөх нь гарын алганы дайтай хэмжээтэй. Хажууд нь өргөст хэмх, лууван, салатны навчаар хийсэн багахаан салат тавьчихна. Ингээд болоо. Дан хуушуураас гадна хуушууртай хар шөл байгаа. Хоёр ширхэг хуушууртай шөл 14200 төгрөгийн үнэтэй байх юм. Бас монгол хоолны цуглуулга цэсэн дээр нь бий. Банш, хуушуур, бууз, хонины шарсан хавиргатай уг хоолыг 36200 төгрөгөөр авч иднэ. Эднийхээс гарч “Modern nomads”-аар оров. Хуушуурыг үхэр, хонины махаар төрөлжүүлэн хийдэг. Үхэр хонины махтай “Номадс” хачиртай хуушуур нь 12900 төгрөг. Хонины зүрх, бөөр, уушги, гүзээ, элэгтэй таван цулын хуушуур 10900, үхрийн махтай, бор гурилан хуушуур 9900, дан ногоотой нь 8900, Хөвсгөлийн цагаан загасны махтай нь 13900 төгрөгийн үнэтэй. Дээрх төрлийн хуушуур бүгд дөрвөн ширхэгтэй. Бас бүгдээрээ хажуудаа ногооны салат дагалдуулдаг ажээ.

Ресторануудад зарж байгаа хуушуурын үнэ иймэрхүү байна. Харин дундаж хоолны газраас таван ширхэг хуушуурыг 8500 төгрөгөөр авч иднэ. Таван ширхэг хуушуур хоёр кг махны үнэтэй байна гэсэн үг. Гуанз, цайны газруудад нэг ширхэг хуушуур хамгийн хямддаа 800 төгрөгийн үнэтэй байгаа. Зарим газарт мянга ч хүрч байгаа байх. МУИС-ийн хажуу талын цайны газрууд, СУИС-ийн ойролцоох гуанзуудаар нэг ширхэг хуушуур 800, бууз 600, пирожки 800, мантуун бууз 700 төгрөг гэж байлаа. Хуушуурын гуанзнууд үйлчлүүлэгч ч ихтэй юм. Зааланд сууж байгаа хүмүүсийн олонх нь дундаа салат тавиад хуушуур идчихсэн сууж байна. “Нэг ширхэг хуушуурыг бараг мянган төгрөгөөр авч идэж байна. Үнэ нэмэгдэхийн хэрээр хэмжээ нэмэгддэг бол өөр хэрэг. Гэтэл алга дарамхан жижигхэн хуушуурыг 800 төгрөгөөр авч идэж байна. Өнөөх нь мах гэхээр юм бага даа” гэж байлаа. Махны тухайд нэг үеэ бодвол нар сар нь гэрэлтсэн хуушуур хийж байгаа газар цөөхөн. Гэхдээ гэрийн хуушуур шиг чимхчихдэг болохоор махны их бага харагдахгүй. Голдоо зузаахан шиг мах хийгээд, зах руугаа махгүй байсан ч хүмүүс юм хэлэлгүй идчихдэг ажээ.

Гуанзууд нэг кг махаар 30-35 ширхэг хуушуур хийдэг гэсэн. Тэгэхээр хамгийн хямдхан хуушуур зарж байгаа гуанз нэг кг махаа 4300 төгрөгөөр худалдаж аваад 28 мянган төгрөг болгож байна. Дөрөв, таван ширхэг хуушуурыг арван хэдэн мянган төгрөгөөр зарж байгаа рестораны тооцоог бүр ярилтгүй. Уг нь бизнес эрхэлж байгаа хүмүүс үнээ хоёр дахин нугалж чадвал хангалттай ашигтай ажиллана гэж ярьдаг. Гэтэл хоол үйлдвэрлэлийн компаниуд ямар ч жудаггүйгээр үнээ тогтоож байна. Тэдэнд хяналт тавьж байгаа мэргэжлийн байгууллага алга. Махны үнэ өндөр байхад хуушуурынхаа үнийг нэмж болсон юм чинь хямдарсан үед нь яагаад үнээ буулгаж болохгүй гэж.

С.АЛТАН

Д.ДОРЖДЭРЭМ

Гэрэл зургуулыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах гутлын үйлдвэр ашиглалтад орлоо

Өдөрт 800 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай гутлын үйлдвэр ашиглалтад орлоо. Гэхдээ энэ бол үйлдвэрийн суурилагдсан хүчин чадлын тоо. Хүчин чадлаа бүрэн ашиглавал ийм тооны гутал өдөр бүр үйлдвэрлэж чадна гэсэн үг. Одоохондоо олон нийтийг хамарсан захиалга орж ирэх­гүй, зах зээл бага байгаагаас хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа ажээ. Нээлтээ хийгээд гурав хонож буй “Best shoes” гутлын үйлдвэр дээр очив. Үүдэндээ эрэгтэй хүний аварга том гутал урлаад тавьчихаж. 220 см-ийн урттай, 342 размерийн уг гутал Монголын хамгийн том ботинк гэсэн. Шинэ үйлдвэрийнхээ нээлтэд зориулан тус компанийн авьяаслаг залуус аварга гутлыг урлажээ. Тус үйлдвэрт 40 гаруй залуус ажиллаж байна. Дизайн, эсгүүр, оёдол, уллагаа гээд дамжлага бүрт мэргэжлийн боловсон хүчин бий. Эднийд ажиллаж буй залуусын олонх нь их, дээд сургууль төгссөн мэргэжлийн хүмүүс. Шинэхэн үйлдвэрийн үйл ажиллагаа жигдрээд, захиалга ихтэй болохоор ажлын байрны тоогоо нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

“Best shoes” гутлын үйлдвэр 2001 онд байгуулагджээ. Захирлыг нь Б.Түвдэнням гэдэг. Тэрээр “Урлах эрдэм” дээд сургуулийг гутлын дизай­нер, загвар зохион бүтээгч мэргэжлээр төгсчээ. 24 дэх жилдээ гутал хийж байгаа юм байна. Гутлын үйлдвэр хаагдахаас өмнө сүүлийн хоёр жилд нь ажиллачихсан. Үйлдвэр ямар байдгийг мэдэх учраас өнөөдрийнх шиг хэмжээний үйлдвэртэй болох юмсан гэж мөрөөдөж явсаар шинэхэн үйлдвэрээ нээжээ. Ингэхдээ Засгийн газраас зарласан 888 төслийн хүрээнд Чингэс бондоос хоёр тэрбум төгрөгийн зээл авсан байна. Түүгээрээ үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж зэргийг худалдан авчээ. Тоног төхөөөрөмжөө бүр Италиас оруулж ирсэн гэнэ. Одоо тэдэнд зөвхөн үйлдвэрлээд байх л үүрэг үлджээ. Энэ тухайгаа Б.Түвдэнням захирал “Өнгөрсөн бямба гаригт үйлдвэрийн нээлт болсон. Цахим хуудсуудаар манай үйлдвэрийн тухай мэдээлэл гарсан байна лээ. Уншигчид ч нэлээн сэтгэгдэл бичсэн байсан. Ерөнхий сайдтай ах дүү мэт л бичиж. Зээл авчихаар ингэдэг бололтой юм. Ингэж юм хийх гээд ядаж яваа нэгнээ хий хардаж байхаар ганц ч гэсэн урмын үг хэлж болдоггүй юм болов уу гэж бодогддог юм байна” гэв.

“Best shoes”-ийнхэн эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн, цэрэг, цагдаагийн, малчны гээд төрөл бүрийн гутал хийж байна. Эрэгтэй гутал дотроо бас л олон янз. Өвлийн, хавар намрын, богино түрүүтэй, урт түрийтэй гээд явж өгнө. Материал нь ч бас харилцан адилгүй. Гоёлын арьсан гутал хийнэ. Бас жинхэнэ матрын арьсаар ч гутал хийж байгаа ажээ. Ингэхдээ зүгээр нэг олдсон матрын арьсаар нь хийчихгүй. Хэвлий хэсгийн арьс хамгийн зузаан байдаг болохоор тэр арьсыг нь л хэрэглэдэг гэсэн. Ийм гутал 700 мянган төгрөгийн үнэтэй. “Best shoes”-ийн хамгийн үнэтэй гутал ажээ. Учир нь матрын арьс үнэтэй байдаг гэнэ. Нэг гутал хийх арьсыг 500 мянган төгрөгөөр авдаг юм байна. Бас цэрэг, цагдаагийн гутал хийдэг. Дотор гадаргүй арьсан гутал чийг татахгүй. Цэрэг, цагдаагийн байгууллагын захиалгаар хэд л бол хэдийг үйлдвэрлэж өгөх бүрэн боломжтой гэсэн. Харин малчдад зориулан оломцогтой гутал үйлдвэрлэж байгаа ажээ. Эмэгтэй гутал ч бас төрөл бүрээрээ байна. Гоёлын өндөр өсгийтөөс эхлээд урт, богино түрийтэй, хавар намрын, өвлийн, өсгийтэй, өсгийгүй гээд эмэгтэйчүүд ямар л гутал өмсөхийг хүсдэг тэр бүхийг “Best shoes” үйлдвэрлэж буй. Бас эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн загварын тундр гутал үйлдвэрлэж эхэлжээ. Уг гутал цаа бугын гутал шиг битүү үстэй. Гэхдээ үс нь үхрийнх. Үхрийн үсийг янз бүрийн будганд оруулалгүй, байгалийн өнгөөр нь ашиглаж байгаа юм байна. Эдний гутлын үнэ 360-395 мянган төгрөгийн ханштай ажээ. Дээрх үнийг хүмүүс янз бүрээр л хүлээж авч байгаа гэнэ. Эх орондоо үйлдвэрлэж байж яасан үнэтэй зардаг юм, баячуудын гутал хийлээ гэж зэмлэх нь ч бий. Тиймээс арай хямд арьс авч өртөг багатай гутал үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Үүнийхээ зэрэгцээ сайн чанарын гутлаа ч үйлдвэрлэнэ гэж байв. “Бид Засгийн газраасаа зээл аван ажиллаж байгаа. Монголчуудынхаа итгэлийг алдаж болохгүй. Тиймээс хамгийн сайн гэсэн бүхнээр л гутлаа хийдэг. Муу арьстай ганцхан гутал худалдаанд гаргалаа гэхэд миний 24 жилийн хөдөлмөрийг үгүй хийчихнэ. Алдах эрхгүйгээр ажиллаж байгаа” гэж Б.Түвдэнням захирал ярьж байв. Эднийх гутлынхаа материал, түүхий эдийг голдуу гаднаас оруулж ирдэг ажээ. Уг нь дотоодынхоо арьс, шир, нэхийг ашиглая гэж бодоод хэдэн жилийн өмнө Дарханаас нэхий, арьс худалдан авчээ. Түүгээрээ 200 гутал хийгээд худалдаанд гаргачихсан чинь худалдан авагчид нь эргэж ирээд бөөн хэл ам болж. Учир нь боловсруулалт муутай нэхийгээр доторлочихоор чийг татаад, өмсөхийн аргагүй болж байсан гашуун туршлага эднийд бий. Тиймээс одоо худалдан авагчдынхаа итгэлийг алдахгүйн тулд сайн чанарын арьс, нэхий гаднаас оруулж ирж байгаа юм байна. Харин олонд танигдаад, худалдан авалт ихтэй болчихоор түүхий эд үйлдвэрлэгчид ч гэсэн эднийд зориулан арьс, нэхийгээ боловсруулдаг болох байх гэж тооцоолж буй ажээ. Ер нь тус гутлын үйлдвэр борлуулалт сайтай болчихвол дагаад хөнгөн үйлдвэрийн салбарт олон ажлын байр нэмэгдэх юм билээ. Жишээ нь, аль нэг цех эдний гутлын зөвхөн өсгийг л хийхэд хэд хэдэн ажлын байр нэмэгдэх боломжтой юм байна.

“Best shoes”-ийн үйлдвэр гурван давхар байртай. Доод давхар тэр чигтээ үйлдвэрийн байр. Нэгэн жигд хувцсаар ижилссэн гуч гаруй залуус ажиллаж байна. Хоёр давхарт загвар зохион бүтээгчид сууна. Шинэ загвар зохиохоос гадна орж ирсэн хүн бүртэй уулзаж захиалгыг нь авдаг. Эднийхийг зориод ирсэн хүн зөвхөн өөртөө зориулан цорын ганц гутал хийлгэх боломжтой. Ингэвэл гутлын үндсэн үнэ дээр 10-15 хувийн нэмэгдэл төлөөд л болоо. Тэр нь 15-30 мянган төгрөг болно. Өөрийнхөө дуртай хээ, оруулгыг хийлгэж болно. Бас өөрийн хүссэн өнгө, материалаа сонгох эрхтэй. Ер нь хүн юу хүснэ, тэр бүхнийг эдний хамт олон хийж өгч чадна.

Загвар зохион бүтээгчдийн өрөөтэй залгаад захиалгын хэсэг бий. Эхнэр, нөхөр хоёр ирчихсэн өвлийнхөө гутлын захиалгыг өгч байна. Хосууд “Best shoes”-ээр олон жил үйлчлүүлж байгаа ажээ. “Бөөр их өвддөг. Эдний гутлыг өмсөхөөр чийг татахгүй болохоор амар байдаг юм. Дөрвөн улиралд өмсөх бүх гутлаа эндээс авдаг. Гэрийн шаахай хүртэл “Best shoes”-ийнх” гэв. Харин дээд давхарт захирал, санхүүгийн албаныхан суудаг юм байна. Байрны давхар бүрт гутлын сувинер, гуталтай холбоотой сонин содон эдлэл байх ажээ. Харин гутлуудаа “Улаанбаатар” их дэлгүүр, Улсын их дэлгүүр, Маршалын гүүрний “Оргил” худалдааны төвд борлуулдаг юм байна.

Тус компанийнхан байгуулагдсан цагаасаа хойш захиалгаар гутал хийж эхэлжээ. Янз бүрийн л хүн захиалга өгнө. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гутлыг ч урладаг юм байна. Бас УИХ-ын гишүүдээс эхлээд олны танил эрхмүүд “Best shoes”-ийн гутлыг өмсөж байгаа гэсэн. Төрийн соёрхолт дуучин Д.Болд монгол поп урсгалаа гаргаж ирэхдээ хувцаслалтдаа ч мөн үндэсний хэв маягийг шингээсэн. Тэр үедээ эднийхээр гутал хийлгэж байжээ. Мөн төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам, МУГЖ Т.Ариунаа, “Увертура” хамтлаг гэхчлэн “Best shoes”-ийн гутлаар гоёдог олон хүн бий. Гутлаас гадна арьсан цүнх, хэтэвч үйлдвэрлэдэг. Гутал захиалж буй хэрэглэгч цүнхээ хослуулан хийлгэх дуртай байдаг гэнэ.

Тус үйлдвэр дотоодын зах зээлээ төвөггүй хангах боломжтой. Бүр хоёр хөрш рүүгээ ч экспортлох боломжийг эрэлхийлж байгаа ажээ. Жилийн өмнө Оросын томоохон сүлжээ дэлгүүртэй холбогдоход “Өдөрт 250 гутал хийдэг болчих. Тэгвэл манайх танай гутлыг зарж болно. Манайх Хятадаас гутал авч байхаар танайхаас авдаг болчихвол бидэнд ашигтай байна” гэсэн хариу өгчээ. Тухайн үед өдөрт 40 гутал хийдэг байсан болохоор тэгсгээд чимээгүй болчихсон аж. Одоо харин үйлдвэртэй болчихсон болохоор оросуудтай нүүр бардам харьцаж болохоор болжээ.

Б.Түвдэнням захирал үйлдвэрээ танилцуулах явцдаа “Ийм гоё үйлдвэртэй болчихлоо. Монголчууд маань дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд манай гутлыг худалдаж аваарай гэж уриалмаар байна. Ямар ч байсан чийг татахгүй гэдгийг бүрэн амлаж чадна. Загварын хувьд хэнд ч гологдохгүй болов уу. Манайхан чинь үнэтэй зүйл эдэлж хэрэглэж сурсан улс. Материал танихдаа маш сайн. Аль л сайн гэсэн материалаар гутлаа үйлдвэрлэж байна” гэв. Тэрээр эх орныхоо онцлог, цаг уурын байдлыг хэнээс ч илүүтэй мэдэрч гутлаа үйлдвэрлэдэг. Өвөл цас мөс ихтэй болохоор халтирахгүй ултай гутал хийхээ мэднэ. Бас хэр баргийн хүйтэнд хөл дааруулахгүй гутал үйлдвэрлэж байгаа ажээ.

С.АЛТАН

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Үзэшгүй муухай шуламд хувирах СҮНСНИЙ БАЯР

Өнөө жил сүнсний баяр тэмдэглэж эхэлсний 666 дахь жилийн ой. Гурван зургаа давхацсан муугийн муу ёрын баяр энэ жил тохиох нь. Онцгой жил ямар нэгэн муу юм заавал тохиолдоно гэх яриа аравдугаар сар гарснаас хойш сонсогдох болов. Үхэл хийгээд амьдрал, аймшиг болоод ид шид, тааварлашгүй нууц ертөнц сүнсний баяраар биелдэг гэж ярьдаг. Бас дэлхий дээрх хамгийн түгээмэл тэмдэглэдэг баярын нэгд сүнсний баяр зүй ёсоор нэрлэгдэнэ. Манайхан ч бас сүүлийн хэдэн жилийн аравдугаар сарын 31-нд сүнсний баяр тэмдэглэдэг болсон. Гэхдээ залуус шөнийн цэнгээний газарт сүнс, чөтгөрийг санагдуулмаар хувцаслан цуглаж байгаа. Харин гадны ихэнх оронд сүнсний баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж байна.

Сүнсний баяр эртний Ромын үеийн Помона наадмаас эхтэй. Тухайн үед сүнсний баярыг ургац хураалтын баяр гэж нэрлэдэг байсан гэнэ. Хүүхдүүд шинэхэн хурааж авсан хулуугаар янз бүрийн зүйл хийж хүн айлгадаг байжээ. Энэ уламжлал өнөө хэр мөрдөгдөж байгаа. Америк төдийгүй дэлхийн ихэнх улс хулууны ургацынхаа дөрөвний гурвыг сүнсний баярт зориулдаг болсон байна. Хулуунаас гадна чихэр, шоколад гүйлгээ сайтай. Бүр амттан хамгийн их зарагддаг хоёр өдрийн нэгээр аравдугаар сарын 31 эрэмбэлэгджээ.

Сүнсний баяраар цээрлэдэг зүйл бас бий. Хэрэв энэ өдөр аалз харвал тухайн хүнийг сүнс дагаж явдгийн илэрхийлэл болдог юм байна. Бас англичууд цагаан мууртай таарвал тун удахгүй муу ёр биеллээ олж ямар нэгэн таагүй зүйл тохиолдоно гэж боддог ажээ. Тиймээс оройдоо хонх жингэнүүлэн чөтгөрийн сүнсийг үргээж байна хэмээн домнодог байна. Америкчууд сүнсний баяраар хар мууртай таарвал тэр жилдээ аз тохионо гэж бэлгэшээдэг гэнэ. Харин гэр орноосоо хол яваа хүмүүс биедээ давс түрхсэн зүсэм талх авч явбал сүнсний хорлолд орохгүй, муу юмнаас хамгаалагдана гэж үздэг байна. Мөн улс үндэстэн бүр уг баяраар өөр өөрсдийн зан заншлаас хамаарсан мухар сүсэгтэй байдаг. Шотландууд сүнсний баярын шөнө залуу охидыг түүдэг галын дэргэд нойтон даавуу тэврүүлэн суулгадаг. Ингээд хэсэг хугацааны дараа даавуун дээр заяаны ханийх нь царай харагддаг гэж ярьдаг юм байна. Бусад оронд шөнө дунд шатаар уруудаж байхдаа толинд харвал ирээдүйн найз залуугийнх нь царай харагдана гэж итгэдэг ажээ. Харин хулуутай холбоотой заншил ихэнх улсад байдаг. Хулуугаар дэнлүү хийх нь буг чөтгөрийг хөөн зайлуулдаг гэж үздэг байна. Домог ёосор хулуугаа Жэк гэж нэрлэдэг. Жэк гэдэг нь чөтгөрийг олон удаа хуурч байсан овжин нэгэн. Тиймээс Жек нэртэй хулуугаа үүдэндээ өлгөн сүнс, чөтгөрийг гэр рүүгээ оруулахгүй хуурах ёстой гэнэ. Сүнсний баярын ёс заншил газар бүрт өөр ч гэлээ уг баярыг тэмдэглэдэг бүх л улс ганцхан зүйлийг дагаж мөрдөх болжээ. Тэр нь “Хуурах уу, дайлах уу”. Аравдугаар сарын 31-ний өдөр харуй бүрий болох үеэр хүүхдүүд аймшгийн баатруудад хувилан айл хэсдэг. Ингэхдээ тухайн гэрийн эзнийг айлгаж, эсвэл цочоож чадвал ханатлаа дайлуулдаг байна.

Сүнсний баярын бэлгэдэл нь улбар шар, хар өнгө. Улбар шар нь намрын ургац хураалт болон эрч хүч, тэвчээр, хатуужил, элбэг хангалуун амьдралыг бэлгэддэг. Хар өнгө нь үхэл амьдралын зааг болсон баярын хар барааныг илэрхийлдэг ажээ. Харин сүнсний баярын уур амьсгалыг бүрдүүлэхэд хувцаслалт маш чухал. Өнгөрсөн жил Америкт сүнсний баярын үеийн хувцаснаас 3.3 тэрбум ам.долларын орлого олсон гэсэн. Түүнийгээ хүүхдийн халамжийн санд хандивлаж буян хийжээ. Энэ үеэр хамгийн сайн гүйлгээтэй байдаг нь шуламын хувцас. Сүнсний баяраар эр, эмийн аль нь ч үзэшгүй муухай шуламын дүрд хувирах дуртай байдаг гэнэ. Ялангуяа европчууд шуламын дүрд хувиран мөрөн дээрээ шар шувуу суулгаж явах дуртай байдаг ажээ. Шар шувууны хашхирах дуу үхэл ирж байгааг зөгнөдөг гэж үздэг юм байна. Бас цус сорогч дракулагийн хувцас эрэлт ихтэй. Харин сүүлийн үед хүмүүс үлгэрийн баатруудыг хорон санаат шуламын дүрд хувиргах, эсвэл сайн санаат гүнжийг шулам мэтээр харагдуулах хувцас захиалан өмсөх дуртай болжээ.

Сүнсний баяраар янз бүрийн муу зүйл тохиолдож байсан үе бишгүй. Тавиад жилийн өмнө гурван англи охин чөтгөрийн баяр тэмдэглэн явж байгаад учир битүүлгээр нас барсан юм. Цагдаа нар тэдний үхлийг гадны нөлөөгүй гэж дүгнэсэн бөгөөд ямар нэгэн аймшигт зүйл харснаас болж зүрх нь хаагдсан гэж тодорхойлжээ. Бас хоёр мянган оны эхээр Америкт сүнсний баярын үдэшлэгт явж байсан охин, хүү хоёр нас барсан байна. Шалтгаан нь бас л тодорхойгүй. Ямар ч байсан гадны нөлөөгүй байсан гэдгийг мөн л цагдаа нар баталж байв. Харин сургуулийнхан нь тэднийг өөрсдийнхөө хувилсан шуламыг яг бодитоор нь харснаас болж нөгөө ертөнц рүү одсон гэж ярьдаг ажээ. Ер нь сүнсний баярын үеэр гэнэтийн байдлаар нас барах хүний тоо бусад өдөртэй харьцуулахад нэмэгддэг гэдэг. Харин энэ жил гурвын гурван зургаагийн тоо давхацсан, муу ёр жинхэнэ утгаараа шүглэж ад зэтгэр амилах сүнсний баяр болно гэж ярьж байна.

С.АЛТАН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хоёр дарга чинь буцахдаа та гурвыг ингээд бай гэж захиагүй л байлтай

Монголын түүхэнд Ардчилсан намынхан анх удаа төрийн гурван өндөрлөгийгбарьж байна. Амьдрал сайхан болно, гадны хөрөнгө оруулалт улам нэмэгдэнэ, хүнд суртал, авлига, хээл хахууль байхгүй болно гэж итгээд ард түмэн та нарыг сонгосон. Яагаад гэвэл амьдрал ядуу байгаагийн гол буруутан нь коммунист угшилтай МАН гэж АН-ынхан байнга сурталчилдаг байв. Одоо харин амлаад байсан тэр сайхан амьдрал хаана байна вэ. Ард түмний амьдрал дээшилсэн үү. Та нар амласнаа хийж чадсан уу. Та нарыг харахад гурван биенээ огцруулах гэж дайн дажин үүсгэсэн хүмүүс л байх юм. Нэг нэг рүүгээ хэрүүлийн алим шидэхээс өөр бүтээсэн зүйл харагдахгүй байна. Хэрүүл, тэмцэлдээ тагнуул, цагдааг оруулж байна. Бүр сүүлдээ хэвийн ажиллаж байгаа утасны компанийг хүртэл татаад оруулчихлаа. Та нарыг дагаад ард түмэн хэд хуваагдан талцчихаад байна. Сүүлийн үед хийж байгаа ажлыг чинь харахад ийм л зүйл анзаарагдаж байгаа. Энэ бүх хэрүүл, тэмцлийн үр дүнд АН байхгүй болох юм биш үү. Ард түмэн чинь та нараас сэтгэл буруулах бус уу. Ингэж намаа баллаж хаячихаад дараа нь юугаараа улс төр хийх гээв. Намгүй болсон хойноо юугаараа бодлого барьж улс орноо хөгжүүлнэ, өөд татна гэж ярих гээд байгаа юм бэ. Та нар нэг намынхан. Үзэл санаа нийлэхгүй байгаа бол тэр хэрүүлээ дотроо ярьж болдоггүй юм уу. Заавал ингэж ард түмнийг талцуулан барин нийгэм рүү цацах хэрэг байна уу даа.

Эцэст нь хэлэхэд саяхан та гурав хоёр хөршийнхөө даргыг ирэхэд өөрсдийнхөө даргыг ирж байгаа юм шиг л хөл алдаад байсан. Эзэнгүй мэт байсан улс замаа засаад, мод суулгаад, талбайгаа угаагаад мөн ч их юм боллоо. Гэнэтхэн эзэнтэй улс шиг л болчихсон. Хөрш орнуудынхаа дарга нарын өмнө энийг ч хийнэ, тэрийг ч бүтээнэ гэж амлаад байсан чинь яалаа. Дараа нь хоёр даргынхаа нүүрийг яаж харах гэсэн юм бэ. Хийнэ, бүтээнэ гэснээ хойш тавиад хэрэлдээд суучихаар хэн бидэнд итгэх билээ. Эсвэл тэр хоёр дарга чинь та гурвыг ингээд хоорондоо хэрэлдээд бай гэж захьсан юм уу. Та нарыг сонгосон, энэ өндөрлөгт гаргасан ард түмний ядуурал хамаагүй юм байж гэж бодъё. Гэтэл хөрш хоёр улсынхаа даргатай эргээд ямар нүүрээр уулзах гээ вэ. Эцсийн дүндээ та нарын хэрүүл тэмцэл ардчиллын үзэл санаа, түүнд итгэж сүүлийн 25 жил зорьж тэмцэж ирсэн сэтгэлийг минь мохоож байгааг та нар ухаарахгүй байна уу.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Г.АРИУНБААТАР: Дэлхийн дайтай дуулчих юмсан гэх мөрөөдөл надад бий

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатартай ярилцлаа.

-Нэрт дуучин М.Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүлсэнд баяр хүргэе. Уралдааны талаар ярихгүй юу?

-ОХУ-ын төдийгүй дэлхийн алдарт дуучин Муслим Магомаевын нэрэмжит уралдаанд оролцоод ирлээ. М.Магомаевыг бидний аав ээжийн үеийнхэн сайн мэдэх байх. Дуурийн төдийгүй эстрадын дуу дуулдаг. Энэ хүний нэрэмжит уралдаан өнөө жил гурав дахь удаагаа болж байгаа юм. Уралдаан ерөнхийдөө гурван үе шаттай болсон. Эхний шатанд дэлхийн олон орны дуурийн дуучид бичлэгээ явуулсан байгаа. Тэдгээрээс шилдэг 15 оролцогчийг шалгаруулсан. Хоёрдугаар шатны оролцогчдын бүх зардлыг уралдааны зохион байгуулагчид дааж ОХУ-д аваачсан. Тэндээ дахин шалгаруулалт явуулж арван дуучин сүүлийн шатанд өрсөлдлөө. Миний хувьд тэргүүн байр эзлээд ирлээ. Энэ уралдаанд оролцохын тулд өөрийгөө маш их бэлдсэн. Уралдаанд өндөр ач холбогдол өгч оролцдог болохоор нэг жилийн хугацаанд бэлтгэл сургуулилт хийсэн.

-Таныг уг уралдаанд оролцохын тулд Буриадад ганцаарчилсан бэлтгэл хийсэн гэж сонссон?

-Энэ уралдааны эхний шатны шалгаруулалт дөрөвдүгээр сард болсон юм. Тэндээс тэнцлээ гэх хариу аваад бэлтгэлээ улам эрчимжүүлсэн. МУГЖ, дэд профессор Ичинхорлоо, Уртнасан, Энхтуул зэрэг багш нарынхаа тусламжтайгаар бэлтгэлээ хийлээ. Мөн Буриадын театрт очиж ганцаарчилсан бэлтгэл хийсэн. Тэнд миний багш байдаг юм. Уралдааны шүүгч нарын тухайд дэлхийн шилдгүүд байдаг юм байна. П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны ерөнхий шүүгч, Большой театрын гоцлол дуучин, Англид дуулдаг Италийн алдарт теонер дуучин гээд цар хүрээгээрээ өнөө цагийн луугарууд шүүсэн. Найман шүүгчээс би 80 оноо авч чадлаа. Ер нь тэмцээн, уралдаанаас 80 оноо авч байсан тохиолдол гарч байгаагүй юм билээ. Цаашид ч гарахгүй байх гэж хэлж байсан. Үүнд маш их урамшсан. Хэдийгээр залуухан, дөнгөж гурав дахь удаагаа болж байгаа ч гэлээ цаашид цар хүрээ, чанараараа дэлхийн томоохон уралдааны нэг болох нь дээ гэж харж байлаа.

-Сүүлийн үед болж байгаа олон улсын уралдаанаас манай дуучид ганзага дүүрэн ирдэг болжээ?

-Багш нарын маань ач. Хөгжим, бүжгийн коллежийн, СУИС-ийн сургалтын чанартай холбоотой болов уу. Манай дуучид ч их сайн байна. Олон улсын уралдаанаас дандаа л шагналтай ирж байгаа. Үүн дээр нь төр засаг анхаараад, дэмжээд өгвөл өшөө илүү амжилт гаргах боломж бидэнд байна. Үнэндээ бид нар аль нэг улс руу тэмцээнд явах боллоо гэхэд зардал мөнгийг нь халааснаасаа бэлэн гаргаад өгч чаддаггүй. Тэгээд л цалингийн зээл авна шүү дээ. Яахав амжилт гаргаад ирвэл зээлээ дараад, амьдрал ахуйдаа нэмэрлэдэг л юм.

-Олон улсын уралдааны шагналын сан ямархуу байдаг вэ. Жишээ нь, саяын тэмцээн ямар шагналтай байв?

-Саяын тэмцээнд түрүүлээд 25 мянган ам.долларын мөнгөн шагнал авсан. Амьдралд их хэрэг болно. Дараагийн тэмцээнд орох зардал мөнгө, бэлтгэл сургуулилтын зардалд өгөөд таардаг юм.

-Улсаас мөнгө өгдөг үү?

-Улсаас хоёр, гурван тэмцээн тодорхойлоод өгчихсөн. Жишээ нь, М.И.Глинкийн нэрэмжит уралдаанд түрүүлээд ирэхэд улсаас надад 20 гаруй сая төгрөг өгсөн. П.И.Чайковскийн тэмцээнд түрүүлбэл бас урамшуулдаг. Тэмцээнийхээ тоог жаахан нэмбэл уран бүтээлчдэд их хэрэгтэй.

-М.И.Глинкийн нэрэмжит уралдаанд түрүүлснээс хойш хэдэн жил өнгөрчихөв?

-Гурван жил өнгөрсөн байна. Цаг хугацаа шуураад л өнгөрөх юм. Би амьдралдаа хоёрхон уралдаанд оролцож үзлээ. Хоёуланд нь тэргүүн байр эзэлж их урам авлаа. М.И.Глинкийн уралдаанд түрүүлээд эх орондоо ирэхэд их сонин мэдрэмж төрж байсан шүү. Залуу хүн ч гэлээ өөрийн эрхгүй улам их зүтгэнэ дээ, эх орондоо юм хийнэ дээ гэж бодогдож байсан. Удалгүй гавьяат цол авсан. Тэр үед “Би одоо яана аа” л гэж бодогдоод байдаг юм билээ. Нэг л их өрөнд орчихсон мэт санагдаад, эх орондоо л юм хийнэ дээ гэж чин сэтгэлээсээ бодож байсан. Төр минь соёрхож гавьяат цолоо өглөө шүү дээ гэж бодохоор нэг хэсэгтээ их л огшиж явсан даа. Гавьяат болсны дараа хамгийн анх Цагдаагийн ерөнхий газрын ахмадын хүлээн авалт дээр дуулсан. Яг цагаан сарын дараа шүү дээ. Хөтлөгч “Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар” гээд дуудахад тэр жижигхэн тайз ямар том санагдаж байсан гээч. Өмнө нь зүв зүгээр, ямар ч сандралгүй дуулдаг байсан хэрнээ гавьяат гээд дуудуулчихсан чинь өвдөг чичрээд л.

-Олон улсын чанартай томоохон тэмцээнд түрүүлэхэд дэлхийн хэмжээний театруудаас ажлын санал ирэх үү?

-Санал ирнэ шүү. М.И.Глинкт түрүүлсний дараа гурван урилга ирсэн. Явмаар санагдаж байсан ч яваагүй. Гадагшаа явлаа гэхэд өөрийгөө олон талаар хөгжүүлэх хэрэгтэй. Ядаж л гадаад хэл сайн байх ёстой. Очлоо гэхэд эх орны нэр л гарна. Дуурийн дуучдаа анзаараад байхад бид нар гадаад руу гарахаараа их нэр хүндтэй болдог. Эх орондоо ирээд хэн ч биш болчихоод байна. Олны өмнө явдаг болохоор үс зүсээ янзлаад, боломжийн хэрээр сайхан хувцаслаад гарна. Гэтэл арын амьдрал юу билээ. Төр засаг маань жаахан анхаараад өгвөл Монголын мундаг авьяастай уран бүтээлчид эх орондоо үлдэх байх. Би заримдаа ганц хоёр дуу дуулаад хангалуун амьдардаг юм билүү гэж бодно. Гэхдээ тэр бол би биш. Надад дэлхийн дайтай дуулчих юмсан гэх мөрөөдөл байдаг. Өнөөдөр хоосон хонож байсан ч, маргааш аяга хоолтой болно гэж боддог.

-Дуурийнхан халтуур хийдэг үү. Дуучид шинэ жилээр жилийн орлогоо олдог гэдэг?

-Тэрүүгээр чинь л амьдарна шүү дээ. Энд тэндхийн арга хэмжээн дээр очоод дуулаад өгөөч гэвэл дуулчихдаг л юм. Хажуугаар нь ажлаа хийгээд цалин авчихна. Би Төв аймгийн цагдаагийн газарт ажилладаг. Ахмад цолтой.

-Та аль нутгийнх юм бэ. Танай удамд дуучин хүн бий юу?

-Би Төв аймгийн Баян-Өнжүүлийнх. Манайхан чинь найранд гурван дуутай улс. Миний өвөө мундаг уртын дуучин байлаа. Аав, ээжийн маань талынхан дуутай, хууртай хүмүүс. Ер нь л гоё дуулна шүү. Удмаасаа мэргэжлийн дуучин болсон нь би.

-СУИС-ийг төгссөн үү?

-Тэгсэн. Би уг нь цагдаа болно гэж боддог байлаа. Бүр хүүхэд байхын цагдаа болох чин хүсэлтэй. Тэгээд Цагдаагийн академид шалгалт өгсөн ч тэнцээгүй. Харин гэрийнхэн маань СУИС-д шалгалт өгөөд үз гэж зөвлөсөн. 2005 онд СУИС-д шалгуулахад 400 гаруй хүүхдээс нэгд жагссан байсан. Харин гуравдугаар курст байхдаа тэр үеийн “Сүлд” чуулгын дуучин болсон. Ингээд мөрдэстэй болж цагдаа болох мөрөөдлөө биелүүлсэн. Одоо энд тэнд явахдаа цагаан шонхортоо залбирна. Цагдаад их элэгтэй. Багаасаа л цэргийн дарга, цагдаагийн дарга болно гэж мөрөөддөг байсан.

-Хэн багшийн шавь бэ?

-Би анх МУГЖ М.Ганбатыг хараад түүн шиг дуучин болох юмсан гэж шүтэж байлаа. Тэгээд ч дуучин болсон. СУИС-ийн Баясгалан, Банди багш нарынхаа шавь болсон. Банди багш маань намайг дуурийн урлагт дурлуулсан хүн.

-Шинэ уран бүтээлийн тухай ярья. Ойрын үед тоглолт хийх үү?

-Монгол Улсын гавьяат жүжигчин болсноосоо хойш Н.Жанцанноров багштайгаа “Монгол сонгодог” талархлын тоглолт хийсэн. Анхны тоглолт хүмүүст янз бүрээр л хүрсэн байх. Ирэх онд хоёр дахь тоглолтоо хийнэ. 2012 онд нийтийн дууны “Илүү ч үгүй, дутуу чүгүй” цомог гаргасан. Би чинь ард түмний хүү. Тэднийхээ дуучин нь. Тиймээс ард түмэндээ зориулж дуулах үүрэгтэй. Үүргээ биелүүлж эхний цомгоо гаргаж байлаа. Удахгүй шинэ цомог гаргана. Цомгийн ажил эхэлчихсэн. Жаахан дуншаад л байна. Ер нь тоглолт хийхэд, цомог гаргахад, уралдаанд ороход бэлтгэл их хэрэгтэй. Хүмүүс гоё хувцсаа өмсөөд л тайзан дээр гарчихдаг гэж ойлгоод байдаг шиг байгаа юм.

-Өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг юм бэ?

-Сэтгүүлч хүн сайн нийтлэл бичихийн тулд маш их судалгаа хийдэг байх, тийм үү. Тэрэнтэй яг адил. Дуучин хүн дуулахын өмнө хоолойн бэлтгэлээс гадна сэтгэл санаагаа бас бэлдэх хэрэгтэй. Дуул гэсний зоргоор дуулахгүй. Сэтгэл хөдлөл байх хэрэгтэй. Сайхан зүйл мэдэрч байж илүү гоё дуулна. Дээр нь өглөө, оройд байнгын бэлтгэл хийдэг. Яг эрчимжүүлсэн бэлтгэлд орсон үедээ би ямар нэгэн тоглолтод ордоггүй. Элдэв зүйлд бас сатаардаггүй. Сэтгэл санаа, оюун бодол гээд өөрт байгаа бүхнээ төвлөрүүлдэг. Ингэж байж сайн бэлтгэл болдог байх.

-Нэг хэсэг дуучин Д.Отгонжаргал та хоёрыг хайр сэтгэлтэй боллоо гэж шуугисан. Юу болсон юм бэ?

-Элдэв хангайн хэл ам их л гарах юм. Залуу хүний хувьд жаахан эвгүй байдаг. Гэхдээ урдах ажлаа хийгээд дуугүй л явъя гэж бодсон. Намайг буруугаар ойлгодог, буруугаар ойлгуулах гэсэн хүсэлтэй хүмүүс байдаг шиг байгаа юм. Яахав хүний үйлийн үр гэж байдаг. Одоо бол бүх юм байдаг байрандаа л байгаа.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Шар нар ээж, зөгий дүнгэнэсэн ШААМАРЫН СУРВАЛЖЛАГА (I)

Зөгийчин, тариачин, ногоочдын өлгий нутаг Шаамарт жинхэнэ алтан намар болж байна. Тэндхийн хавар, зуны нөр их ажил үндсэндээ шувтарчээ. Ногоочид хүнсний ногоо, жимс жимсгэнээ, зөгийчид зөгийн балаа, тариаланчид амуу буудайгаа борлуулан хөдөлмөрийнхөө шимийг хүртээд магнай тэнэгэр байна. Шаамар ногоочдын өлгий нутаг. Бас зөгийн балны эх орон. Нарсан ойн дундах нам гүмхэн энэ л суманд зөгийг анхлан тэжээж эхэлсэн. Тэр нь 1957 он. Тухайн үед Оросоос хэдэн бүл зөгий авчрахад Монголд идээшихгүй гэж байсан бол өнөөдөр Шаамарынхныг тэжээж байгаа ганц амьтан болжээ. Бүр зөгийг төрөлжүүлэн тэжээдэг болсон байна. Зохиомлоор хатан зөгий гарган авч тэжээдэг хүн ч бий ажээ. Шаамартаа төдийгүй энд тэндхийн зөгийчдөд хатан зөгийчин гэдгэээрээ алдаршсан Д.Эрдэнэчимэгийнд очлоо. Суманд ямар газар олдохгүйн зовлон байх биш, эднийх томоо хашаатай юм.

Байшингийнхаа хоёр та­лаар зөгийн үүрээ эгнүүлчихэж. Ягаан, цэнхэр, шар гээд аль болох тод өнгөөр зөгийн үүрээ буддаг ажээ. Ногоон юмуу бараанаар будчихвал зөгий үүрээ андуураад байдаг гэнэ. Хөлийн өвдгөөр татахуйц өндөртэй үүрийг тод өнгөөр алаглуулан будчихаар байгалийн өнгө гандсан ч гэлээ зуныг санагдуулам ажээ. Түрүүн хашааны үүдээр ороход боргоод байсан нохой эзнээ хараад чимээгүй болов. Энэ үед зөгийн дүнгэнээ сонсогдож эхэлсэн юм. Д.Эрдэнэчимэг “Манай хашаанд Улаанбаатар хотын хүн амаас олон зөгий байгаа даа” гэж байна. Тэрээр 100 бүл зөгий тэжээдэг ажээ. Дунджаар 15 мянган зөгий нэг бүл болдог. Тэгэхээр эднийх 1.5 сая гаруй зөгийтэй гэсэн үг. Үүрэндээ байгаа болохоор дүнгэнээн бага байгаа гэнэ. Ид зуны улиралд нар мандах, эсвэл жаргах үед олон зөгий үүрнээсээ гарч орохдоо дүнгэнээ ихтэй. Бэлчээрт гарахгүй бол үүрэндээ буюу тэрүүхэн тэндээ дүнгэнэдэг юм байна. Гэхдээ сайн сонсвол усны урсгал шиг. Голын эрэг дээр чимээ гаргалгүй суугаад л байвал усны урсгал улам тод сонсогддогтой адил. Хашаанд ганцаараа үлдэн зөгийн үүрний дэргэд ганцаараа хэсэг зогсов. Намрын шар нар илч муутайхан ээж байна. Зөгийн дүнгэнээ улам тод болохын зэрэгцээ тэртээ холоос тог, тог хийх алхны чимээ сонсогдоно. Бас хааяа нэг айлын үхэр мөөрч, нохой хуцах чимээ гарна. Түүнээс өөр чимээгүй болохоор ганцаараа зогсоод л баймаар нам гүмхэн юм. Мэдрэлийн ядаргаа ийм л орчинд тайлагдах байх даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа.

Гэрт нь орвол зөгийн балыг шингэн, царцуугаар нь таваглаад тавьчихаж. Зөгийн бал шингэн байснаа жаахан удаад ирэхээр царцаад цагаан шаргал өнгөтэй болдог ажээ. Шингэн нь гадуур худалдаанд байдгийг бодвол хамаагүй өтгөн. Царцуу нь харин арай шаргал өнгөтэй ч юм шиг. Сэтгэл дагаад ч тэр үү амт, үнэр, өнгө нь арай л өөр байх шиг санагдсан. “Дэлгүүрт зардгаас арай өөр байх шиг ээ” гэвэл “Хүмүүс тэгдэг л юм. Наймаачид зөгийн бал худалдаж аваад усаар шингэрүүлэн зардаг байж мэдэх юм. Яг зөгийчид бол балаа устай холихгүй” гэж байна. Тэрээр өнгөрсөн сард балныхаа дээжийг лабораторид өгөн шинжлүүлэхэд хоёр зуугаас дээш ургамлын найрлагатай гэдгийг нь тогтоож өгчээ. Д.Эрдэнэчимэг сүүлийн 30 гаруй жил зөгий тэжээж байгаа. Олон жилийн амьдралаа зөгийтэй холбосон гэдэг нь тэднийхээс шууд харагдаж байв. Цайны аяга нь зөгийн зурагтай, давс, элсэн чихрийн сав нь сархиаг шиг хээтэй, гэрлийн бүрхүүл нь зөгийн хэлбэртэй гээд нэг ёсондоо зөгийг шүтчихэж. Тэрээр 1980 онд бригад, фермерт дарга бэлтгэх 45 хоногийн курст суун зөгийчин болжээ. “Анх зөгийд хатгуулахад жигтэйхэн өвддөг байсан. Тэр хавиар дуу шуу татуулан хэсэгтээ л сүржин юм болно. Яана даа л гэж боддог байлаа. Одоо харин тоохоо больсон. Хааяа нэг хатгахаар нь өө гэчихээд л өнгөрнө. Дасчихдаг юм” гэж байна. Хатгалт гэснээс сүүлийн үед эднийхээс хүний хөл тасрахаа байжээ.

Тэнд ч өвдөөд байна, энд ч болохоо байлаа ганц хатгуулаад өгөөч гэсэн хүмүүс хэзээ л бол хэзээ хүрээд ирнэ. Д.Эрдэнэчимэг анагаахын мэргэжлийн хүн биш болохоор эхэндээ цааргалдаг байсан ч одоо бол гуйгаад ирвэл зөгийгөөрөө хатгаад өгдөг болжээ. Хуян хөөрлөө, үе мөч өвдлөө, хүзүү хөшөөд байна гээд янз бүрийн хүн ирнэ. Өвдөж байгаа газар нь хатгаад өгөхөөр ямар ч байсан үр дүнгээ өгдөг ажээ. Бүр хүүхэдтэй болохгүй байгаа хүмүүс ч ирдэг гэсэн. Зөгийгөөр хатгуулсны дараа жирэмсэн болсон тохиолдол ч бий ажээ. Д.Эрдэнэчимэг “Би эмнэлгийн мэргэжилтэй хүн биш, нөгөө хүн маань ч зөгийчин гэдгийг минь мэдэж байгаа. Хоёулаа ярилцаж байгаад л хатгуулчихдаг. Хэдэн өдөр байтугай сар, жил болсон ч дахиж өвдөхгүй байна гэж ярьдаг. Тэгэхээр зөгийнд хатгуулах ашиг тус ихтэй шиг байгаа юм” гэв. Тэрээр өөрөө ямар нэгэн өвчин хуучгүй гэсэн. Зөгийд хатгуулсны үр дүн юм байлгүй гэж байна. Ер нь зөгий олон талын ашигтай амьтан. Лавыг нь гоо сайханд, жилийг нь хавдрын эсрэг, тоосормогийг нь дархлаа сайжруулахад хэрэглэнэ. Зөгийн хор харин маш ховор. Гурван мянган бүл зөгийнөөс нэг кг хор гаргаж авдаг. Өвчин намдаахад хэрэглэдэг уг хорны наймаа мафийн хэмжээнд явагддаг гэсэн. Харин манайхан тэр бүр хорыг нь гаргаж авдаггүй гэнэ. Мөн зөгийн сүүнцэр гэж бий. Сүүнцэр хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй. Сүүлийн үед бүсгүйчүүд байнга л сүүнцэр сурагладаг болжээ. Түүнчлэн гадны гоо сайхны компаниуд бүтээгдэхүүнийхээ найрлагад сүүнцэр оруулж байгаа гэнэ. Зөгий өдөржин бэлчээрт гараад орой ирэхдээ хоёр сагсандаа цэцгийн тоостой ирдэг ажээ. Хойд хоёр хөлийнх нь хажууд байх уут шиг зүйлийг сагс гэдэг юм байна. Түүндээ өдөр бүр цэцгийн тоостой ирнэ. Шар будааны чинээ цэцгийн тоос хүний биеийн дархлааг сайжруулдаг, ядаргаанд сайн. Усанд хутгаад тогтмол ууж чадвал элдэв өвчин тусахгүй, ядрахгүй гэсэн. Зөгийн үүрэнд байх сархиагийг балтай нь холиод зажилж болно. Амны хөндийн үрэвсэлд тустай. Хоолойн ангиныг ч арилгах ид шидтэй ажээ. Амьд зөгийн ач тус иймэрхүү. Бүр үхсэн хойно нь ч ашиглаж болно. Үүрэндээ үхсэн зөгийг хатаачихдаг. Үүнийг эрэгтэй хүмүүс архинд хандлаад өдөрт нэг халбагыг уугаад байвал түрүү булчирхайн өвчнөөс айлтгүй. Бас бэлгийн чадавхийг дээшлүүлдэг гэж байгаа. Ингээд үндсэндээ зөгий гэдэг амьтнаас хаях юм үлддэггүй ажээ.

Гэхдээ зөгий богино нас­тай. Хатан зөгий л хамгийн урт буюу таван жил насладаг. Идэвхтэй амьдрал нь гурван жил үргэлжилнэ. Эр зөгий гурван сар амьдарна. Амьдрах хугацаан дахь гол ажил нь хатан зөгийг хээлтүүлэх. Гэх­дээ ганцаараа биш. Үүрнийхээ бу­сад эр зөгийтэй нийлж аваад хатан зөгийн хамт агаарт гарна. Агаарт гарсан бүх эр зөгий хатан зөгийтэйгээ үржилд ордог. Үндсэн ажил, амьдралынх нь гол зорилго ингээд дуусна. Нэгэнт хатан зөгийг хээлтүүлсэн бол эр зөгийн хэрэг тэр бүлд байхгүй. Тиймээс намар хүйт орох үед хатан зөгий эрийгээ хөөнө. Эр зөгий ажил хийдэггүй учраас “хоолны сав” гэж үздэг ажээ. Үүрнээсээ хөөгдсөн эр зөгий төд удалгүй үхдэг гэсэн. Харин ажилч зөгий 45 хоногийн настай. Төрсөн цагаасаа л үүрээ барих, бал цуглуулах, цэцгийн тоос олж ирэх гэж өдөр шөнөгүй ажиллана. Бүлийнхээ төлөө ингэж ажиллаад төд удалгүй үхчихнэ. Харин хатан зөгий онцгой эрхтэй. Бусад шигээ гадуур гарч идэш тэжээл хайхгүй. Ажилч зөгийнөөс ялгарах сүүнцэрээр л хоол­лоно. Тэр нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг эрдэмтэд тогтоосон. Тийм ч учраас хатан зөгий урт на­салдаг биз. Биеийн хувьд ажилч зөгийнөөс том. Эр зө­гийтэй харьцуулбал бөгс томтой. Хатан зөгий насан туршдаа ганцхан удаа хээл­тэх ба 21 хоногт 1000-1500 авгалдай гаргадаг юм байна.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

<<Үргэлжлэл бий