Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ичиножо А.ИЧИННОРОВ: Нэгхэн жилийн башёд барилдаад цолонд хүрсэн удаа сумогийн түүхэнд байгаагүй

Өдрийн сонин“-ы сэтгүүлч С.Алтанцэцэг

Японы Токио хотоос мэдээлж байна.

Мэргэжлийн сумогийн дэвжээнээ од болон гялалзаж буй Ичиножо Такаши буюуА.Ичинноровтой Японд уулзлаа. Тэрээр “Минато” дэвжээний бөх. Өөрийнх нь дэвжээ зургаан бөхтэй бөгөөд түүнээс өөр цолтой бөх байхгүй юм байна. Башёгүй сард бусад дэвжээн дээр очиж бэлтгэл хийдэг ажээ. Өнгөрсөн долоо хоногт “Токицүказэ” дэвжээнийхэнтэй хамтарсан бэлтгэл хийх үеэр нь түүнтэй уулзав.

Сумогийн түүхэнд урьд өмнө байгаагүй амжилтын эзэн боллоо. Монголд төдийгүй Японд жинхэнэ од болж байх шиг байна даа?

-Баярлалаа. Урьд нь ийм хурдан цолонд хүрсэн бөх байхгүй болохоор олон хүн баяр хүргэж байгаа.

Гэнэтхэн ийм өндөр амжилтад хүрэхээр олон зүйл өөрчлөгдөх үү?

-Яг үнэндээ мэдрэгдэж байгаа юм алга. Их л завгүй болчихсон. Японы хэвлэл мэдээллийнхэн өдөр шөнөгүй багш руу утасдаад нэлээн залхаасан. Бүр дэвжээний гадаа ирж хоноод хэцүү байлаа. Одоо бол бэлтгэлийнхээ хажуугаар өдөр болгон арга хэмжээнд оролцоод, сумогийн холбооноос зөвшөөрөл авсан хэвлэлийнхэнтэй уулзаад зав огт гарахгүй юм.

Японд ирээд хэдэн жил болж байна вэ?

-Би 2010 онд ирсэн. Ирээд Тоттори аймгийн Жёохокү ахлах сургуулийн сумогийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид суралцсан юм. Ахлах сургуулиа төгсөөд тэндээ туслах дасгалжуулагчаар нэг жилийн турш ажилласан. Монголд байхдаа үндэсний бөхөөр хичээллэдэг байлаа.

Сургуульд сурч байхдаа олон тэмцээнд түрүүлж амжилт гаргаж байсан юм билээ. Ямар ямар тэмцээнд оролцож байв?

-Бүх Японы Жицүгёодан тэмцээн гэж болдог юм. Ажилтан, албан хаагч, нийгэмлэгийнхний улсын аварга шалгаруулах тэмцээн гэсэн үг.

Нэг ёсондоо сонирхогчийн улсын аварга гэж хэлж болно. Энэ тэмцээнд түрүүлж ёкозуна цол авсан. Тэрнийхээ дараа жилээс “Минато” дэвжээнд харьяалагдаж Макүшита, Жүрёо зиндаанд барилдаж эхэлсэн юм.

Жюүрёод түрүүлээд дээд зиндаанд орсон байх аа?

-Макүшита, Жюүрёо зиндаанд хоёр башё барилдаад дээд зиндаа руу орсон. Ийм хугацаанд дээд зиндаанд гарч барилдаж байсан тохиолдол урьд нь гарч байгаагүй юм билээ. Тийм болоод л шуугиад байх шиг байгаа юм. Би чинь энэ жилийн нэгдүгээр сараас л эхэлж дээд зиндаанд барилдсан шүү дээ. Нэгхэн жилийн башёд барилдаад цолонд хүрнэ гэдэг өмнө нь сумогийн түүхэнд гарч байгаагүй амжилт гэсэн. Бас хөдөөнөөс хүрч ирээд шуудхан сумогоор барилдаж байгаа, 21 настай гэхээр япончууд уулга алдаад байдаг юм. Гэхдээ барилдаж дөнгөж эхэлж байхдаа бэртэл авсан нь цаашид улам сайн хичээх ёстой юм байна гэдгийг мэдрүүлсэн.

Тамирчин хүний хамгийн том дайсан бэртэл гэмтэл гэдэг?

-Энд ирснээс хойш сургуульд байхдаа бэлтгэлийнхээ үеэр гэмтэл авч байсан юм. Тэгээд гурван сар барилдаагүй. Барилдах битгий хэл бэлтгэл хийгээгүй. Бэлтгэлгүй болохоор тэмцээнд оролцоно гэж санахын ч хэрэггүй. Уг нь бүх Японы ахлах сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд орохоор төлөвлөж байсан юм. Гэтэл бэртэл бүрэн эдгэрээгүй байсан болохоор тэмцээндээ ч орж чадаагүй. Тэр үед ч бэртэл гэмтэл гэдэг тамирчин хүнийг хэн ч биш болгодог юм байна гэж ойлгож авсан.

Бэлтгэл хийгээгүй удсан мөртлөө дахин барилдахдаа хэнд ч дийлдэхгүй хүчтэй болчихсон байсан гэж бөхчүүд ярих юм билээ?

-Тэр үед бэлтгэлээ бүрэн зогсоогоогүй л дээ. Хөлөө бэртээсэн болохоор хүчний бэлтгэлээ бол хийж байсан. Гэхдээ гэмтлээ эдгээсний дараа бэлтгэл хийж байгаад барилдсан шүү. Бэртэлтэй байхдаа барилдаж чадахгүй байсан болохоор эдгэсэн хойноо өөрийгөө урьдынхаасаа илүү дайчилсан байж болох юм.

Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ?

-Бэлтгэл өглөө бүр зургаагаас эхэлдэг. Ес, арван цаг хүртэл үргэлжилнэ. Дуусгаад усанд орно. Дараа нь үсээ самнуулаад хоолоо иддэг. Хоолоо идчихээд унтана. Үдээс хойш энд тэндхийн арга хэмжээнд оролцох ёстой бол тийшээгээ явна. Бас сумогийн холбооноос зөвшөөрөл авсан хэвлэлийнхэнтэй уулзах ёстой.

Хоолондоо дасчихсан уу. Өдөрт хэдэн удаа хоол иддэг вэ?

-Өглөө бэлтгэлтэй байдаг болохоор хоол иддэггүй. Бэлтгэлийн дараа хоолоо иднэ. Янз бүрийн л хоол иддэг юм. Тахианы махтай мөөг болон бусад төрлийн ногоотой нэгдүгээр хоол иднэ. Хажуугаар нь будаа, мах, тахианы бүрж шарсан мах гээд янз бүрийн л хоол иддэг. Хоолны дараа унтчихдаг болохоор жин нэмдэг байх. Орой бас иймэрхүү маягийн хоол иднэ. Заримдаа зав гарахаар “Улаанбаатар” хоолны газар очиж хоол иддэг. Тэнд сайхан банштай цайгаа уугаад, цуйвангаа захиалчихна. Яг л гэрийнхээ хоолыг идэж байгаа мэт амттай.

Таныг “Монголын үлэмж биет” гэж нэрлээд байгаа бололтой?

-Янз бүрийн л нэр сонсогдоод байгаа юм. Үлэмж биет гэж нэрлэнэ. Бас аварга мангас ч гэчихсэн байдаг. Гэхдээ би ингэж дуудуулахдаа дуртай биш ээ.

Одоо хэдэн кг жинтэй байгаа вэ?

-198 кг жинтэй байгаа. Өндөр 193 см.

Анх ирэхдээ хэдэн кг байв?

-Японд ирэхдээ 130 кг байсан. Гэхдээ би багаасаа унаган махтай, жин ихтэй хүүхэд байлаа. Сумынхаа эмнэлэгт 4.8 кг жинтэй төрсөн. Тэгэхээр төрөхөөсөө л том биетэй байсан байгаа биз. Гэхдээ сүүлийн үед жин хасаж байгаа. Хүний биеийн жин 200 кг-аас дээш гарахаар мал амьтнаас ялгаагүй болно биз дээ. Адуу, үхэр л 200 кг жин татна даа. Хүн байна даа, 200 кг дотроо байя гэж бодож байгаа. 200 кг гэдэг арай л биш юм. Тэгээд сүүлийн үед хоолны дэглэм барьж эхэлсэн. Ямар ч байсан арванхоёрдугаар сарын 25 гэхэд 198 кг жинтэй болно гэж бодож байгаа. Би дэвжээнийхээ багшид сумогоор сайн барилдана гээд амлачихсан. Тэр амлалтад хүрэхийн өмнө биеийн жингээ зохих хэмжээнд барихгүй бол болохгүй юм байна.

Архангай аймгийн Батцэнгэл сум таны төрсөн нутаг. Нутгаа санаж байна уу?

-Аав ээжтэйгээ хааяа утсаар ярьчихдаг болохоор гэрээ санаад сүйд болохгүй. Санах ч зав байхгүй дээ. Манай нутагт өнтэй сайхан өвөл болж байгаа гэсэн. Утсаар яриад мал хуйгаа асуун, аав ээжтэйгээ хөөрөлддөг юм. 2013 оны зун гэртээ очиж амарсан. Харин саяын наадмаар манай сумын 90 жилийн ой болсон. Нутагтаа байсан бол сумынхаа наадамд зодоглох л байсан байх.

Багадаа ямар хүүхэд байсан бэ. Ноцолдох дуртай байв уу?

-Хөдөөний хүүхэд ямар байдаг яг л тийм амьдралтай өссөн. Монголчууд хөдөөний хүүхдийн амьдралыг мэднэ шүү дээ. Энд япончууд яг юу хийдэг байсан бэ гэж их асууна. Тэр бүрийг тайлбарлаж хэлэхээр гайхаад байдаг юм. Жишээлбэл би эмнэг хангал сургадаг байсан. Сургадаг ч гэж эмнэг адуутай ноцолдох дуртай. Тэрийг ярихаар бүр нүдээ том болгож ирээд ангайчихна. Манай аав уяач хүн шүү дээ. Тэгэхээр аавын гарын үзүүрт зарагдаж адуу малтай л ноцолдож өслөө. Ер нь манай тэр хавийнхан Ичко гарын шуундаа их бяртай гэж ярьдаг байсан. Саахалт айлынхаа хүүхдүүдтэй үндэснийхээ бөхөөр ноцолдоно. Би чинь арван гурван настай байхдаа л хотод орж ирж үзсэн. Тэрнээс өмнө нутагтаа л байдаг байлаа.

Яаж яваад Японд ирээд сумогоор хичээллэж эхэлсэн юм бэ?

-Би энд ирээд таван жил болж байна. 2010 оны гуравдугаар сард Наритагийн онгоцны буудалд бууж байлаа. Буудлаасаа буугаад шууд л Тотторид яваад очсон. Анх япончуудыг хараад сүрдсэн юм байхгүй. Бэлтгэлийн үеэр барилдаж байгааг нь хараад эхлээд бараг л инээд хүрдэг байлаа. Тэгсэн яг барилдаад үзсэн чинь ёстой чанга байсан. Бүр эмэгтэйчүүдтэй нь хүртэл барилдаад унаж байлаа шүү дээ. Тэгэхээр барилдаанд биеийн хүч чухал ч гэлээ ур чадвар, техник, мэхгүй бол эмэгтэй хүнд хүртэл дийлдэхээр байгаа юм. Ирсэн цагаасаа хойш маш сайн бэлтгэл хийхгүй бол урагшлахгүй юм байна гэдгийг ойлгосон.

Бэлтгэлийг хараад байхад их л хэцүү юм билээ. Ачааллаа дийлэхгүй уйлж байгаа бөх ч харсан?

-Ёстой чанга шүү. Хүнд бэлтгэл хийхийн зэрэгцээ чин сэтгэлээсээ хийхгүй бол загнуулна. Загнуулах ч энүүхэнд. Хулсан саваагаар саваадуулна даа. Бэлтгэл хийж байгаа залуу бөхчүүдийн ар нуруу, хонго, гуя нь улаан эрээн болсон байгаа биз дээ. Багшийн нүдийг хуурах маягтай байвал тийм л болно. Хажуугаар нь загнуулна. Багш их хорон үгтэй. Олигтойхон хичээхгүй бол “Монгол руугаа буц. Чам шиг юм хэрэггүй” л гэнэ дээ. Эхний нэг жил ч нутаг буц гэдэг үгийг байнга сонсдог байлаа. Сүүлдээ гайгүй болсон.

Энэ дэвжээнд танаас өөр цолтой бөх байдаггүй юм байна. Бөх нь сайн барилдахын хэрээр дэвжээний нэр хүнд өсөх үү?

-Намайг ирэхэд манай дэвжээний хоёр ах Жүрёод барилддаг байсан юм. Одоо барилдахгүй байгаа. Манай дэвжээ ерөнхийдөө цөөн бөхтэйд тооцогдох байх. Нэг хэсэг цолтой бөх байхгүй байж байгаад би сэкиваки цолонд хүрсэн. Дэвжээний хувьд цолтой бөхтэй байна гэдэг сайн. Бөхчүүдийг бэлтгэж цолонд хүргэнэ гэдэг хэцүү. Хувь хүний хичээл зүтгэлээс их хамаарна. Бас багшийн ур чадвартай холбоотой.

Ичиножо Такаши гэж ямар утгатай үг юм бэ?

-Ерөнхий утга нь авьяастай гэж байгаа юм. Яг ханзыг нь харахаар зууд нэг удаа гэсэн утгыг илэрхийлдэг.

Ирэх сарын башё хэзээ мөдгүй эхлэх нь. Ямаршуухан барилдаан үзүүлье гэж бодож байгаа вэ?

-Мэдээж хэрэг хичээж барилдана. Цолтой болоод удаагүй байгаа болохоор цолоо хамгаалахыг юуны түрүүнд бодож байгаа. Зөвхөн хамгаалаад зогсохгүй цолоо нэмэхийг хичээнэ. Гэхдээ тийм ч амар зүйл биш л дээ. Тэгэхээр тэгж ингэж барилдана гэж хэлж болохооргүй байна. Ямар ч байсан тавин хувийн амжилтаа үзүүлэх ёстой гэсэн бодол бий.Цаашлаад арваас дээш давчихмаар байна.

Тэгвэл ирээдүйд юунд зорьж байгаа вэ. Бас юу мөрөөдөж байна вэ?

-Сумогоор амжилттай барилдмаар байна. Цолоо ахиулмаар байна. Цол ахихаас илүүтэй нь зүтгэж авсан цолоо хадгалан аль болох удаан хугацаанд барилдмаар байдаг юм. Олон хүн, багш нар, дэвжээнийхэн, ах нар итгэл хүлээлгэсэн байдаг болохоор хичээхгүй бол болохгүй л дээ. Яг айхтар зорьж байгаа зүйл одоохондоо алга. Юу юунд ч хүрээгүй байж холын зүйлийг мөрөөдөөд яахав. Учраа бөхөө даваад явж байя л гэж бодож байна даа.

Categories
мэдээ цаг-үе

Монголын сумочид дундаа сан байгуулсан, нийгмийн үйлсэд зориулдаг юм

“ӨДРИЙН СОНИН”-Ы ТУСГАЙ СУРВАЛЖЛАГЧ С.АЛТАНЦЭЦЭГ ТОКИОД АЖИЛЛАЖ БАЙНА

Үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин” Монгол Улсад болоод дэлхий дахинд болж буй үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж уншигч олондоо хүргэдэг. Бид дэлхийн хамгийн халуун цэг болох Иракт буун дуу тачигнаж байхуйд сэтгүүлч Дашбалбарын Мөнгөндалайг газар дээр нь ажиллуулж бүх мэдээллийг “Өдрийн сонин”-оор дамжуулан Монголын ард түмэнд хүргэсэн юм.

Өнгөрөгч хавар Малайзад амиа алдсан бүсгүйн та­лаар “Өдрийн сонин”-ы сур­валж­лагч, Монголын нэртэй сэтгүүлчдийн нэг Г.Дэлгэрцэцэгийн цуврал материал хэвлэгдэж байв. Мөн Улаан-Үд, Тува, Хөх хотын цуврал тэмдэглэлүүд “Өдрийн сонин”-д хэвлэгдэн хүн төрөлхтний болоод Монгол туургатны оюуны толь нь “Өдрийн сонин” гэдгийг дэлхий даяар тунхагласан билээ. Дэлхийн бүх улс, аль ч цэгт “Өдрийн сонин” редакцийн томилолт өгч өөрийн зардлаар сэтгүүлчдийг бүх л халуун цэгт томилон ажиллуулдаг юм. Энэ удаа “Өдрийн сонин”-ы Урлаг, спорт чөлөөт цагийн мэдээллийн албаны сэтгүүлч С.Алтанцэцэг Япон улсын нийслэл Токио хотноо ажиллаж, Монголын нэртэй сумочид болоод Сумо бөхийн холбооны удирдлагаас ярилц­лага авч буй юм. “Өдрийн сонин” сэтгүүлчдээ өөрийн зардлаар редакцийн томилолт өгч ажиллуулдаг билээ.

АНУ-ын зүүн болоод баруун эрэгт манай сонины тусгай сурвалжлагчид ажилладаг. Дэлхийн ихэнх хотуудад “Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч нар ажиллаж тухайн тив, улс оронд болсон мэдээллийг ард түмэнд түргэн шуурхай хүргэдэг юм. Ингээд Токио хотод ажиллаж буй сэтгүүлч С.Алтанцэцэгийн мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Жигжидийн Мөнхбатын хүү Даваажаргалтай хийсэн ярилцлагыг цувралаар хүргэж байна.

Ирэх жилийн башёг хэрхэн төсөөлж байгаа вэ?

-Би 15 настай байхдаа Японд ирж сумогийн ертөнцөд хөл тавьсан. Жаахан хүүхэд байхаас минь өдий зэрэгтэй болгосон газар шүү дээ. Тэгэхээр сумогийн ертөнцөд би их өртэй хүн байгаа юм. Тэр өрийг сайн барилдаж төлнө. Ирэх жил миний хувьд жинхэнэ утгаараа ач хариулах барилдаануудыг үзүүлэх ёстой гэж бодож байгаа. Сумод хөл тавихад тосож авсан, бэлтгэл дээр зааж сургаж байсан ах бөх, багш нарынхаа ачийг барилдаанаараа хариулах ёстой гэсэн бичигдээгүй хууль бий. Одоо би дээд амжилттай зэрэгцэж ирсэн болохоор тэр ачийг бүрэн дүүрэн хариулж чадаагүй байгаа гэсэн үг. Нэг ёсондоо төгс болж чадаагүй байна. 32 түрүүг 33, 34 болгож байж ачийг хариулсанд тооцогдох байх. Ингэхийн тулд ирэх жилийн барилдаанд улам илүү хичээх болно. Саяхан би тойргийн барилдаанаар Осака явчихаад ирлээ. Тэгсэн тэндхийн хүмүүс “Ирэх нэгдүгээр сарын Токиогийн башёг өнжөөд гуравдугаар сард болох Осакагийн тэмцээний үеэр шинэ рекорд тогтоогоорой” гэж хэлж байна лээ. Гэхдээ мэдээж хэрэг тоглоомоор хэлсэн үг л дээ.

-Одоо таны өмнө эвдэгдээгүй ямар дээд амжилтууд байгаа вэ?

-Бүх л дээд амжилтуудыг шинэчилж байна даа. Хоёрхон рекорд үлдээд байгаа. Дараалан 69 давж чадаагүй байгаа. Миний хувьд 63 дараалан давчихсан. Тэгэхээр дараалан 69-өөс дээш давахыг зорьж байна. Мөн озеки Кайо хамгийн олон даваатай бөхийг тэргүүлдэг. 1047 даваатай. Миний даваа найман зуу дөнгөж гарч байгаа. Тэгэхээр энэ хоёр амжилтыг шинэчлэхийн төлөө зүтгэнэ дээ.

-Таныг дэвжээгээ өвлөж авах санамж бичигт гарын үсэг зурсан гэж сонссон юм байна?

-Тийм зүйл ёстой байхгүй. Хаанаас ийм яриа гараад байдгийг мэдэхгүй юм. Гэхдээ Монголд үе үе тиймэрхүү яриа гарч байдаг. Японы зүүд, мөрөөдөл гэх үгийн ханз их гоё зурлагатай. Би гарын үсэг зурахдаа их ашигладаг. Бас хааяа их, дээд болон бага сургууль дээр очиж лекц уншихдаа мөрөөдлийн тухай ярих дуртай. Яагаад вэ гэхээр би Японд анх ирэхдээ сумогийн аварга болно гэж мөрөөддөг байсан. Тэр мөрөөдлөө биелүүлчихсэн. Манайхны сайхан үг бий шүү дээ. Санаж явбал бүтнэ гэж. Мөрөөд гэсэн үг байх л даа. Тиймээс би маш олон зүйл мөрөөддөг. Надад биелсэн мөрөөдөл бий, биелээгүй нь ч байгаа. Энэ тухай би их ярьдаг юм. Тэр олон мөрөөдлийн минь нэг Японы Гинза дүүрэгт өөрийн гэсэн дэвжээтэй болох. Гинза бол орчин үеийн, хамгийн гоё дүүрэг. Өртөг өндөртэй, гадаадын зочид ихтэй. Тэнд нэг давхар нь тэр чигтээ шилэн цонхтой, бөхчүүдийн бэлтгэл сургуулилтыг гаднаас нь хэн ч харж болохоор тийм дэвжээ байгуулах юмсан гэж боддог. Олон жилийн түүх, уламжлалтай Японы үндэсний спортыг хүссэн хүн бүрт нээлттэй байлгах үүднээс ингэж мөрөөддөг. Тэр тухай Японы сонин дээр хэвлэгдсэн юм.

Хакухо М.Даваажаргал Тайхо аваргын хөшөөнд очиж хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Японы хэвлэл мэдээллийнхэн цугласан байсан юм. 2014.12.16-ны өдөр 14.10цаг

Түүнийг л манайхан буруугаар ойлгочихсон бололтой. Угаасаа би сумогоор барилдахаас өөр зүйл хийж чадахгүй шүү дээ. Сумогоор миний урд гарах хүн байхгүй байх. Ийм зүйлээс намайг холдуулж, салгаж ойлгож болмооргүй санагддаг. Бас нэг мөрөөдөл байна. Тэр нь аав, хүү хоёр хоёулаа олимпийн дэвжээн дээр гарна гэж. 2020 онд зуны олимпийн наадам Токиод зохиогдоно. Миний аав 1964 оны олимпод эх орныхоо нэрийг дуудуулж байсан. Тэгэхээр хүү нь Токиогийн олимпийн нээлтэн дээр аваргын ёслол хийдэг ч юмуу ямар нэгэн байдлаар гарах юмсан гэж мөрөөддөг. Таван жилийн дараа гэж бодохоор жаахан хэцүү санагдаж байгаа. Гэхдээ яахав дээ мөрөөдөл юм чинь.

-Мөрөөдлөө биелүүлэхийн тухайд ямар нэгэн алхам хийж байна уу. Олимпийн наадмыг зохион байгуулах комиссынхонтой уулзах ч гэдэг юм уу?

-Зохион байгуулах албаны даргатай уулзсан. Шинзо Абэгийн өмнөх Ерөнхий сайд Мори гэж хүн бий. Тэр хүнтэй уулзсан. Шуудхан хэлээгүй л дээ. Гэхдээ энэ тухай эндхийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хэд хэдэн удаа гарсан. Ер нь олимпийн наадмын нээлтийн үеэр эх орныхоо өв уламжлалыг сурталчилдаг. Тэрэнд нь сумо орох болов уу гэсэн горьдлого бий.

-Таныг иргэншлээ солих болов уу, сумогийн холбооноос дарамтлаад эхлэх болов уу гэж харж байгаа. Тийм яриа ч гарчихсан байна лээ?

-Японд 20 түрүүлсэн бөх өөрийнхөө нэрээр дэвжээгээ өвлөж авах эрхтэй байдаг. Таканохана аварга гэхэд өөрийнхөө дэвжээг Таканохана гэж нэрлээд өвөлж авсан байх жишээтэй. Тайхо аварга дэвжээнийхээ нэрийг Китаноми дэвжээг өвөлж авсан. Тийм болохоор үүрэг даалгавраа биелүүлчихээр, дэвжээ өвлөж авах нөхцөл бүрдэхээр сэтгүүлчид янз бүрийн зүйл асууна. Сумогийн холбооноос энэ тухай асуухаар Китаноми ерөнхийлөгч “Дэвжээ өвлөх гэж байгаа хүн Японы иргэншилтэй байх ёстой” гэж хэлдэг. Ерөнхийд нь сануулаад л өнгөрч байгаа юм. Түүнээс биш иргэншлээ ав, тэгэхгүй бол зодог тайлуулна гэж дарамтлаад, шахалт үзүүлээд байх юм байдаггүй. Би нэг ярилцлага өгөхдөө хэлсэн байгаа. Соль гэхээр сольчихдог зүйл иргэншил биш гэж. Үнэхээр тийм шүү дээ. Хувь хүний л асуудал.

-Тэгвэл та ямар бодолтой байгаа вэ?

-Би шуудхан хариулж чадахгүй байна. Их хэцүү асуудал л даа. Үнэхээр л соль гэхээр сольчихдог зүйл биш. Гэхдээ би өөрийгөө азтайд тооцдог. Эх сайхан монгол орондоо төрж өсөөд энд ирээд амжилт гаргаж байгаа минь ховорхон хувь заяа. Би Монгол хүн. Сумогийн ачаар өдий зэрэгтэй явж байгаа болохоор хоёр улсынхаа гүүр болохыг хичээдэг. Тэр дундаа сумотой салшгүй холбоотой ажиллана. Миний нэрэмжит Хакухо цомын тэмцээн манай хоёр улсад зохиогддог. Энэ тэмцээн соёлын гүүр болж байгаа бас нэг хэлбэр. Би багаасаа биеэ даан нүд тайлсан. Хүүхэд байхаасаа гадаад ертөнцтэй танилцаж, олон зүйл мэдэрсэн хүн том болохоороо эх орноо ямар нэгэн хэмжээгээр авч явах болно доо гэж боддог. Хакухо цомын тэмцээнд оролцож байсан хүүхдүүдээс Жюрё зиндаанд барилдаж байгаа хүүхэд бий. Тэмцээн үр дүнгээ өгч байгаагийн баталгаа. Тиймээс одоогоор Японы иргэн болно, болохгүй гэж ярина гэдэг хэтэрхий эрт байна.

-Аав тань ямархуу бодолтой байдаг бол. Танд юм хэлдэг үү?

-Яг иргэншлийн тухай ярих цаг ирвэл тухайн үед нь юм хэлэх байлгүй. Одоохондоо тийм яриа гараагүй л байна. Харин интернэтэд бичсэн байгааг, зурагтаар гарч байгааг харахаар сэтгэл эмзэглэж л байлаа. Намайг юу юугүй Японы иргэн болчихсон мэт бичих юм. Яагаад ийм яриа гараад байдаг юм бол доо гэж их гайхдаг. Өөрийнхөө паспортыг гаргаж ирж харуулдаг юм билүү. Тэгвэл сэтгэл санаа нь амрах болов уу. Тийм мэдээний доор бичиж байгаа хүмүүсийн сэтгэгдлийг уншихаар бас эвгүй шүү. Иргэн хэвээрээ байгаа хүнийг цаашаа түлхээд ч байгаа юм шиг. Үнэндээ надад тийм сэтгэгдэл төрсөн шүү. Гэхдээ би яахав ээ. Нутагтаа байгаа тэр хоёр хөгшинд л хэцүү байгаа.

-Мөөеө аварга хэр баргийн яриаг тоохгүй байлгүй?

-Аав тоодоггүй байх л даа. Уг нь тэр сэтгэгдэл бичиж байгаа хүн компьютер ажиллуулж чадаж байна гэхээр тодорхой хэмжээний мэдлэгтэй байж таарна даа. Тийм хүмүүсээс юманд жаахан ул суурьтай хандаад, бодлоготой байгаасай гэж хүсмээр байна.

-Уг нь та Японы иргэншилтэй болчихвол ирээдүйд барилдах монгол бөхчүүдэд ашигтай. Иргэншлээ солилоо гээд монгол хүн байхаа больчихгүй шүү дээ?

-Үгүй яахав, нэг талаараа үнэн л дээ. Н.Цэвэгням ахыг харахад иргэншлээ авчихсан, дэвжээгээ өвөлж аваад багшлаад явж байна. Уг нь монгол хүн сумогийн холбоонд байна гэдэг ирээдүйд гарч ирэх залууст л хэрэгтэй. Японы сумогийн их ертөнцөд монголчуудын үе бид нараар дуусах биш улам сайн хөгжих ёстой. Тэгвэл Монголын ард түмэнд л хэрэгтэй дээ. Япончуудад, сумогийн холбоонд сонин биш.

-Мэргэжлийн сумогийн холбоонд хэдэн монгол бөх харьяалагдаж байна вэ?

-Одоо гуч нэлээн дөхөж байгаа байх. Дээд зиндаанд гэхэд арав нэлээн гарсан бөх байна уу даа.

-Монгол бөхчүүд цугларч хамтарсан бэлтгэл хийдэг үү. Та тэдэнд тусгайлан зааж зөвлөх үү?

-Хамтарсан бэлтгэл тэр бүр хийгээд байж чадахгүй. Гэхдээ мэдээж хэрэг хэлэх зүйлээ хэлнэ. Сумогийн холбоонд 50 гаруй дэвжээ байдаг. Дэвжээн дотроо таваас зургаан галтай. Нэг дэвжээний бөхчүүдээс том цолонд хүрсэн нь тусдаа гараад явчихдаг. Ингэж тарахдаа өөрийн гэсэн дэвжээгээ үүсгэнэ. Тэрийг нь ахан дүүсийн дэвжээ гэдэг юм. Ахан дүүсийн дэвжээнийхэн үе үе цугларч бэлтгэл хийнэ. Манай дэвжээнд л гэхэд Харумафүжи их аварга, Торинофүжи, Японд сүүлийн үед од болоод байгаа Эндо, Н.Цэвэгням ах, Эба нарын бөхчүүд байна. Манай эндхийн монгол бөхчүүд чинь дундаа нэг сантай. Тэндээ хөөрхөн хэдэн төгрөг цуглуулаад тодорхой хэмжээний нийгэмд хандсан үйл ажиллагаа зохион байгуулдаг.

-Гарын шавь бий юу?

-Би гарын шавьтай. Гурван монгол залуу бий. Төв аймгаас сонгож авчирсан гурван бөх Тотори аймагт байдаг. Тотори муж манай Төв аймагтай найрсаг харилцаатай. Тиймээс тэндээс хүүхэд сонгож авчиръя гэж шийдсэн. Аав очоод гурван залуу наашаа явуулсан байдаг. Тэр гурваас хоёр нь цолонд хүрсэн. Нөгөө нь Тоторид дасгалжуулагчаар ажиллаж байна. Бас Хакухо цомын тэмцээнд оролцоод сумогийн ертөнцөд хөл тавьсан хүүхдүүдтэйгээ холбоотой байдаг. Надад бас нэг бодол байдаг юм. Монголчууд Хойд солонгостой дажгүй харилцаатай шүү дээ. Харин япончууд тийм биш. Тэгэхээр Японы сумогийн монгол аварга хойд Солонгост очвол сонин байх. Соёлын үүднээс тэнд очиж Хакухо цомын тэмцээнийг зохион байгуулбал энх тайвны чиглэлтэй болж магадгүй юм. Арван жилийн дараа хойд Солонгосын бөх аварга болчихсон зогсож байхыг хэн мэдэх билээ. Намайг анх 62 кг жинтэй ирж байхад “Энэ бөх болохгүй. Үс самнадаг хүн болгоё” гэж ярьдаг байсан.

-Их аварга хүн сайн барилдахын зэрэгцээ нийгэм рүү чиглэсэн, хүмүүнлэгийн ажилд хэрхэн оролцох вэ гэж байнга бодож явдаг уу?

-Тэгнэ. Би нэг зүйлийг их сайн мэдэрсэн. 2011 оны гуравдугаар сарын 11-нд 26 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байлаа. Өндөр байшингийн 44 давхарт. Тэр үед айхтар газар хөдлөлт болсон. “За ингээд өөрийнхөө төрсөн өдрөөр явлаа даа. Ингээд л дуусдаг юм байна” гэж бодогдсон. Босоод зурагт асаатал Фүкүшимад бүр айхтар зүйл болж байна. Юун Токио вэ гэж бодогдсон. Тэр үед л би их аваргын хувьд ямар нэгэн юм хийхгүй бол болохгүй юм байна гэсэн бодол төрж зүрх хэнээс ч илүү цохилж байлаа. Ингээд зургадугаар сард нь сумогийн холбоотой хамтраад гамшиг болсон газар очлоо. Ивада мужийн Ямада хотод очоод далай руу харж аваргын ёслогоогоо хийсэн. Аваргын ёслогоо юуг бэлгэддэг вэ гэхээр хөлөө өргөөд тавихад газарт байгаа муу муухай бүхнийг дарж байна гэсэн утгатай. Бидний очсон газарт өдөр бүр газар хөдлөн чичирхийлдэг байсан байгаа юм. Гэтэл аваргын ёслогоо хийснээс хойш нэг ч удаа газар хөдлөөгүй гэсэн. Тэгэхээр олон жилийн түүхтэй сумо бөх нутгийнхаа савдаг, газар лустай ямар нэгэн байдлаар мяндсан холбоотой байдаг юм байна гэсэн бодол төрүүлж байлаа.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Хакухо М.Даваажаргал: Японы Сумогийн холбооноос дарамт, шахалт ирэхгүй байгаа

Үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин” Монгол Улсад болоод дэлхий дахинд болж буй үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж уншигч олондоо хүргэдэг. Бид дэлхийн хамгийн халуун цэг болох Иракт буун дуу тачигнаж байхуйд сэтгүүлч Дашбалбарын Мөнгөндалайг газар дээр нь ажиллуулж бүх мэдээллийг “Өдрийн сонин”-оор дамжуулан Монголын ард түмэнд хүргэсэн юм.

Өнгөрөгч хавар Малайзад амиа алдсан бүсгүйн та­лаар “Өдрийн сонин”-ы сур­валж­лагч, Монголын нэртэй сэтгүүлчдийн нэг Г.Дэлгэрцэцэгийн цуврал материал хэвлэгдэж байв. Мөн Улаан-Үд, Тува, Хөх хотын цуврал тэмдэглэлүүд “Өдрийн сонин”-д хэвлэгдэн хүн төрөлхтний болоод Монгол туургатны оюуны толь нь “Өдрийн сонин” гэдгийг дэлхий даяар тунхагласан билээ. Дэлхийн бүх улс, аль ч цэгт “Өдрийн сонин” редакцийн томилолт өгч өөрийн зардлаар сэтгүүлчдийг бүх л халуун цэгт томилон ажиллуулдаг юм. Энэ удаа “Өдрийн сонин”-ы Урлаг, спорт чөлөөт цагийн мэдээллийн албаны сэтгүүлч С.Алтанцэцэг Япон улсын нийслэл Токио хотноо ажиллаж, Монголын нэртэй сумочид болоод Сумо бөхийн холбооны удирдлагаас ярилц­лага авч буй юм. “Өдрийн сонин” сэтгүүлчдээ өөрийн зардлаар редакцийн томилолт өгч ажиллуулдаг билээ.

АНУ-ын зүүн болоод баруун эрэгт манай сонины тусгай сурвалжлагчид ажилладаг. Дэлхийн ихэнх хотуудад “Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч нар ажиллаж тухайн тив, улс оронд болсон мэдээллийг ард түмэнд түргэн шуурхай хүргэдэг юм. Ингээд Токио хотод ажиллаж буй сэтгүүлч С.Алтанцэцэгийн мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Жигжидийн Мөнхбатын хүү Даваажаргалтай хийсэн ярилцлагыг цувралаар хүргэж байна.

Мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргалын Япон дахь Миягино дэвжээн дээр өчигдөр очлоо. Дэвжээний залуу бөхчүүд 8:30 минутаас бэлтгэлээ эхлүүлдэг байна. Харин аварга 9:30 минутын үед дэвжээн дээрээ ирсэн юм. Тэрээр гурван цагийн турш бэлтгэл хийсэн бөгөөд дуусах үед телевизийнхэн ирж нэвтрүүлгийн зураг авалт хийв. Шизуока мужаас ирсэн дөрвөн настай охины Хакухо аваргатай уулзуулж буй нэвтрүүлэг аж. 13:00 цагийн үед дууссан зураг авалтын дараа Тайхо аваргын хөшөөнд очиж цэцэг өргөлөө.

Тэнд мөн л телевизийнхэн хүлээж байлаа. Бас Тайхо аваргын эхнэр, охин хоёр Хакухог хүлээж байсан юм. 15:00 цагийн үед Их аварга Хакухо М.Даваажаргал ажлын шахуу хөтөлбөрийн хажуугаар “Өдрийн сонин”-д ярилцлага өглөө.

Та сумогийн их ертөнцөд 32 удаа түрүүлж домогт Тайхо аваргын тогтоосон дээд амжилттай зэрэгцэж ирлээ. Танд баяр хүргэе.

-Юуны өмнө сумо бөхийн талаар ярилцлага авахаар Японыг зорьж ирсэн “Өдрийн сонин”-ы хамт олонд талархаж байна. Өнгөрч байгаа 2014 он миний хувьд их сайхан ээлтэй жил байлаа. 32 дахь түрүүгээ авч домогт их аваргын амжилттай зэрэгцсэндээ баяртай байгаа. Би өөрийгөө гурван аавтай гэж ярьдаг.

Төрсөн, өсгөсөн, сумогийн ертөнцийн гэсэн гурван аав бий. Сумогийн ертөнцийн аавыгаа амьд сэрүүн байх хугацаанд сургаалыг нь сонсож байсандаа баяртай байдаг. Энэ хүн бол сумогийн домогт их аварга Тайхо. Би Тайхо аваргыг нас барахаас хоёр хоногийн өмнө уулзаж амжсан. Нас барсных нь хойно гэрт нь очиж адис авч, амлалтаа хэлсэн. Тэр үед дотроо залбиран хэлсэн амлалтаа өнгөрөгч сарын башёгийн түрүүгээр биелүүллээ. Мөрөн дээрээсээ их хүнд ачаа аваад хаячих мэт сэтгэл уужирч байгаа. 32 удаагийн түрүү гэдэг миний мөрөөдлийн нэгээхэн хэсэг байсан. 32 дахь удаагаа түрүүлээд зогсож байсан тэр өдөр Монгол бахархлын өдөр байж таарсан. Эхэндээ мэдээгүй л дээ. Харин дараа нь сонсоод их бэлгэшээсэн. Дөрвөн жилийн өмнө эзэн хааны цомгүй тэмцээн болж байсан юм. Тэгэхэд надад нэг хүн хэлж байлаа. “Олон жил жилийн турш хадгалагдсаар ирсэн уламжлалыг алга болгочихоор дараа нь яах билээ” гэж.

Юу гэсэн үг вэ гэхээр Японы эзэн хааны цомгүй болчихвол сумо яах билээ гэсэн утгатай. Гэтэл тэрний дараахан Японы эзэн хаанаас захиа ирсэн. Бүр Хакухо танаа гэсэн хаягтай. Урьд өмнө ингэж эзэн хаанаас захиа ирж байсан тохиолдол байхгүй л дээ. Тэгээд бөөн баяр болсон, юун тэр цом. Түрүүлчихээд зогсож байхдаа Японы уламжлалын тухай, сумо бөхчүүд эртнээс өвлөгдөж ирсэн уламжлалыг хадгалж явж байгаа тухай үг хэлсэн дээ. Кимоно өмсөөд, үсээ самнаад явж байгаа нь зөвхөн сумод байдаг сайхан уламжлал шүү дээ. Японы энэ сайхан уламжлалыг хадгалж явах хэрэгтэй. Бүр Мэйжигийн зургаа дахь үед цаг хэцүү байж бүх хүмүүс үсээ авч эхэлсэн байдаг юм билээ. Тэр үеийнх нь эзэн хаан сумод дуртай. Тиймээс “Бидний ёс заншил, уламжлал ийм амархан алга болж болохгүй. Сумо бөхчүүддээ өвлөж үлдээе” гэсэн байгаа юм. Тэр сайхан өв уламжлалын тухай 32 удаа түрүүлж байж л ярих ёстой байсан. Гуч биш, гучин нэг биш. Дөрвөн жил хадгалж байсан үгээ тэр үеэр хэлсэн. Сэтгэл онгойгоод, бүх хэцүү зүйлээ давсан мэт хөнгөрөөд явчихсан.

Түрүүлчихээд эх хэлээрээ, монголчууддаа зориулж үг хэлсэн. Сэтгэл хөдлөөд монголоор ярьчихсан уу, эсвэл дотроо бодож байв уу?

-Би чинь ер нь үе үе монголоор үг хэлээд байдаг юм байна. Түрүүгээ хоёр оронтой болгоод буюу арав дахь удаагаа түрүүлэхдээ монголоор үг хэлсэн. Ерөнхийдөө тэмдэглүүштэй түрүү авсны дараа монголоор яримаар байдаг юм. Сэтгэл их хөдөлдөг.

Монголоороо яриад эхлэхээр япончууд яаж хүлээж авч байгаа бол гэж бодогдож байлаа. Сумогийн холбоо дарамт шахалт үзүүлэх вий дээ гээд л…

-Хүн бүр өөрийн өнцгөөс харж байгаа байх л даа. Гэхдээ ямар байнга монголоор яриад байгаа биш. Ийм асуудал дээр сумогийн холбооноос дургүйцээд, дарамт шахалт үзүүлээд байх юм огт байхгүй.

Тайхо аваргад амлалт өгсөн гэсэн. Ямар амлалт өгсөн бэ. Мөн Тайхо аваргыг өнгөрөхөөс хоёр хоногийн өмнө уулзахад онцгойлон захисан юм бий юу?

-Ер нь бие нь муудсанаас хойш уулзъя гэж ярьж байлаа. Боломж олдохгүй байсаар өөд болохоос нь хоёрхон хоногийн өмнө очсон. Тав, зургаахан минут л хамт байсан. Нэг их юм ярьж чадаагүй ээ. “Хүү минь хичээнэ шүү. Хөдөлмөрлөж байгаа хүнийг аяндаа хүмүүс ойлгодог, хүлээж авдаг. Юу ч болж байсан хичээдэг юм шүү” гэж захисан. Тэр үед би нэвтрүүлгийн хүмүүстэй хамт очсон юм. Тэгээд “Зурагтын хүмүүс таны 32 түрүүтэй зэрэгцэх тухай сонирхож байгаа байх” гэж хэлэхэд “Чиний өөрийн хичээл зүтгэл мэднэ дээ. Чамаас л шалтгаалах зүйл” гэж хэлсэн. Би дөрвөн жилийн өмнө Фүтабаяма аваргын 69 дараалан давсан амжилтыг эвдэхээр зүтгэж байлаа. Фүтабаяа аваргын үед жилд ердөө хоёрхон башё болдог байсан. Тэгэхээр үндсэндээ гурван жил босоо явжээ гэсэн үг. Харин би жилд зургаан башё барилдаж байгаа учраас жил хүрэхгүй хугацаанд тэр том амжилтыг эвдэх гээд байсан. Тийм үед янз бүрийн л юм бодогдож байлаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ч бас Фүтабаяа аваргын амжилтыг эвдэж болно, болохгүй гэж бичиж байсан. Би Тайхо аварга руу залгаад ийм яриа гараад байна, та юу гэж бодож байна вэ, таны үгийг сонсъё гэсэн. Тэгсэн “Би болон үе үеийн аваргууд дээд амжилтуудыг мөрөөдөж, зүүдэлж явсан. Харамсалтай нь эвдэж чадаагүй. Рекорд гэдэг бол эвдэгдэх гэж байдаг зүйл. Хэрвээ түүнийг эвдэх боломж байвал өөрийгөө бүрэн дүүрэн дайчлаарай. Боломжийг ашиглаарай” гэж хэлсэн. Их гоё үг байгаа биз. Тайхо аваргын тогтоосон дээд амжилттай зэрэгцэж ирэхэд энэ үг нь бодогдож байлаа. Ер нь ойр дотнын, хүндэлж явдаг хүмүүсийн хэлсэн чин сэтгэлийн үг асар их хүч өгдөг.

Дээд амжилттай ойртоод ирэхээр сэтгэл зүй бас л сонин болно биз?

-Олон зүйл бодогдоно шүү. Долдугаар сарын башё Нагояад болсон юм. Тэр үед цаг агаар хамгийн халуун байдаг. Их халуун болохоор хоол багасдаг. Хоол багасахаар жин буурна. Тэр үед бяр тэнхээ муудаж таараа. Энэ үед гуч дахь түрүүгээ авсан. Сумогийн түүхэнд гучин удаа түрүүлсэн хоёрхон аварга байдаг гээд янз бүрийн зүйл бодогдоно. Харин тэр башёг даваад туулчихсан болохоор 31, 32 дахь удаагийн түрүү харьцангуй гайгүй байлаа. Гэхдээ л арванхоёрдугаар сарын башёгийн зургаа дахь өдөр Такаясүд уначихсан шүү дээ. Тэр бас зөв болсон байж магадгүй юм. Өөрийнхөөрөө барилдаад намбайгаад явчихна даа гэж бодсон. Нэг тийм хэцүү хүлээснээс суларч байгаа мэт болсон. Нэг ёсондоо барцад арилсан юм болов уу.

Categories
мэдээ цаг-үе

Манай жудочид Токиогийн “Их дуулга”-ын шалыг арчиж байгаад ирлээ

Олон улсын жудо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээн Японы нийслэл Токио хотод боллоо. Энэ жилийн хамгийн сүүлийн тэмцээнд 65 орны 470 гаруй жудоч өрсөлдсөн юм. Харин манайхаас үндэсний шигшээ багийн эрэгтэй арван хоёр, эмэгтэй найман тамирчин дасгалжуулагч Д.Баттулга, Х.Эрдэнэт-Одын хамтаар оролцов. Манай улс тив, дэлхийн жудочдыг дийлж барилддаг “дархан аваргууд”-аа уг тэмцээнд явуулсан. Тэднийг татами дээр гарч ирэхэд өрсөлдөгч бөхийн зүрхэнд шар ус хурж байгаа даа гэж аархан бодож байлаа. Учир нь манайд олимпийн аварга, дэлхийн аварга, тивийн аварга гээд спортын төрөлд авч болох бүх дээд амжилтын эзэд бий. Бас дэлхийн чансааг манай бөхчүүд итгэл төгс тэргүүлж байгаа. Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Д.Амартүвшин, Д.Сумъяа нарын барилдааныг хүлээн, тэдний ялалтыг харж бахархах гэж амралтынхаа хоёр өдөр зурагтынхаа өмнөөс босоогүй хүн олон. Гэвч манайхан шигшээд тунаж медалийн тавцан дээр зогсох бүү хэл тойргоосоо ч гарч дийлсэнгүй. Эхний тойрогтоо ичгэвэртэйгээр ялагдаж “шалны алчуур” болов.

Эхний өдрийн тэмцээн эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг жингийн барилдаанаар эхэлсэн. 60 кг-д манайхаас дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлж байгаа Г.Болдбаатар, дэлхийн мөнгөн медальт Д.Амартүвшингийн хамтаар зодоглов. Гэвч хоёулаа гуравдугаар тойрогтоо ялагдсанаар тэмцээнээ дуусгасан юм. Бүр хоёулаа торгуулиар ялагдсан. Уг нь Г.Болдбаатарыг медалийн салхийг хагална гэж олон хүн итгэл төгс хүлээсэн дээ. Жудо сонирхогчид “Болдоо медалийн тавцанд зогсох нь гарцаагүй. Алт уу, мөнгө үү” л гэж ярьж байлаа. Тэгсэн хагас шигшээд ч шалгарч чадсангүй. Д.Амартүвшин ч бас барсангүй. Монголчуудыг тэргүүлж барилдсан хоёр бөхийн араас 66 кг-д Д.Төмөрхүлэг зодоглосон. Азийн наадам, Азийн элсний спортын наадам, Самбо бөхийн дэлхийн аваргын тэмцээнд дараалан аваргалчихсан болохоор түүнээс уран гоё барилдаан, ялалт хүлээх нь зүй ёсны хэрэг байлаа. Гэвч бүр эхний тойрогтоо л өвдөг шороодож зурагтынхаа өмнө суугаа монгол түмний итгэлийг алдав. Ингэж ялагдахдаа өмнө гаргасан алдаагаа яг тэр чигт нь давтлаа. Тэрээр өнгөрөгч наймдугаар сард ОХУ-ын Челябинскт болсон дэлхийн аваргын тэмцээнд яалаа даа. Хятадын бөхтэй учраа таарч, оноогоор ялж явсан. Барилдааны минут дуусах болоогүй байхад хэзээ язааны ялсан аятай бааварлаж байгаад ялагдсаныг нь мартаагүй байгаа. Токиогийн тэмцээнд ч яг ингэж барилдав. Өрсөлдөгчөө хэт их бассаны улмаас оноогоор илүү явж байснаа эцсийн мөчид яаж ч чадалгүй дийлдлээ. Үнэнхүү гутмаар ялагдал тэр л байсан байх. Ингээд тэмцээний эхний өдөр зодоглосон эрчүүд медалийн тавцанд зогсох бүү хэл хагас шигшээд ч шалгарч чадалгүй тэмцээнээ дуусгав. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Г.Отгонцэцэг барилдсан. Тус жинд манай улсын нүүрийг тахалдаг дэлхийн аварга М.Уранцэцэг гэмтлийн улмаас зодоглоогүй. Бас гавьяат тамирчин М.Бундмаа дэвжээнд гарсангүй. Мөн л бэртэлтэй гэсэн. Дэлхийн аваргын оронд эх орноо төлөөлсөн Г.Отгонцэцэг өрсөлдөгчдөө хөнгөхөн “зууш” болоод өнгөрлөө. 52, 57 кг-д зодоглосон А.Цолмон, Д.Сумъяа нар ч бас дараалан ялагдав. Манай эмэгтэйчүүд өрсөлдөгч бөхийнхөө эсрэг юу ч хийж чадалгүй яах ийхийн зуургүй ялагдсан нь тун харамсалтай. Илүүрхэж чаддаггүй юмаа гэхэд эн тэнцүүхэн, ана мана үзэлцэж яагаад чадсангүй вэ. Дээрх жинд барилдсан манай гурван эмэгтэй Японы жудочдод ялагдсан. Бүр гурвуулаа шүү. Г.ОтгонцэцэгХарүна Асамид, А.Цолмон Шишимид, Д.Сумъяа Тукаса Ёшидад ялагдав. Тэдний ялагдал спорт сонирхогчдын аманд байдаг “Манай бөхчүүд Япон, Францын жудочдоос айдаг” гэх яриаг баталсан мэт. Япон, Францыг л ялахгүй юм бол дэлхийн хэмжээний гэж яриад яах билээ. Тэднийг л ялж байж олимп, дэлхийн аваргын шагналын тавцанг мөрөөдөх бус уу. Гэтэл манайхан энэ удаагийн тэмцээнд нутгийнх нь нэрнээс сүрдээд ялагдчих шиг боллоо.

Тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан эрэгтэйчүүдийн 73 кг жингийнхээр эхлэв. “За одоо л үзүүлээд өгнө дөө” гэсээр тун чиг итгэлтэйгээр харж байв. Энэ жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар зодоглосон болохоор итгэл төгс байхаас ч аргагүй. Гэтэл бас л хоёрдугаар тойрогтоо ялагдал хүлээж монгол түмний нүүр рүү нулимсан гэж хэлж болно. Хамгийн өндөр амжилт үзүүлэх хоёр тамирчны нэгд зүй ёсоор тооцогдож байсан Х.Цагаанбаатарын ялагдлыг гавьяат тамирчин С.Ням-Очир нөхөх байсан ч тэрээр дэвжээнд гараагүй. Учир нь Токиод очсон хойноо бэлтгэлийн үеэр бэртэл авчээ. Ингээд зоолттой медаль авах байсан 73 кг-ын жингийн барилдаан баяртай болов. 81 кг-д О.Ууганбаатар, Н.Даваасүрэн нар зодоглоод бас л тойргийн барилдаанаасаа гарч чадсангүй. 62, 70 кг-д барилдсан эмэгтэйчүүд ч бас өвдөг шороодон үзэгчдийн суудалд шилжсэн. Сүүлийн өдрийн ганц гялтайх бөх нь олимпийн аварга Н.Түвшинбаяр байлаа. Токиогийн “Их дуулга”-ын ганц найдвар болсон тэрээр Чежүгээс мөнгөн медаль хүртээд байсан. Бас бэлтгэл сайтай байгаа гэж явахаасаа өмнө ярьж байлаа. Тиймээс түүнийг барилдахын өмнө “За даа, олимпийн аварга маань л монголчуудынхаа нүүрийг тахлах нь дээ. Арай ч ганзага хоосон буцахгүй биз ээ” гэж байлаа. Гэтэл эхний тойргоосоо ч гарч чадалгүй Монголын жудочдын нэр хүндийг шалан дээр унагаав. Ингэснээр “Их дуулга”-д хорийн хориулаа явсан хэрнээ энгэртээ гялтайх юу ч үгүй ирлээ. Медаль зүүдэггүй юмаа гэхэд шигшээ барилдаанд ч шалгарч чадаагүй мөртлөө цахим ертөнцөөр янз бүрийн шалтаг тоочиж байна. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар өөрийн фэйсбүүк хуудаснаа “…Тамирчдаа ялагдахаар битгий муулж бай, сэтгэл санааны дарамт их ирдэг юм. Мэдээж алдаагаа багш дасгалжуулагч нартайгаа ярилцаж түүн дээрээ дүгнэлт хийж ажиллаж л байгаа. Амжилтын төлөө тэмүүлж л яваа хүмүүс шүү дээ. Намайг одоо боль гэсэн хүмүүс их байх шиг байна лээ. Би больчихоор залуучууд хүсэл мөрөөдөлгүй, тэмүүлэлгүй болчихдог юм Гэхдээ хэзээ нэгэн цагт болих л байх. Тэр нь одоо биш. Хэн ялж байгаа нь, хэн дэлхийд өрсөлдөж байгаа нь тэмцээнд оролцдог спортын хууль байна шүү. Зайгаа тавьж өг гэдэг буруу ойлголт. Тэр орон зайг өөрөө эзэлж чадахгүй бол дэлхийд өрсөлдөхгүй шүү дээ. Тэгээд ч би 60, 66 кг гээд барилдаж байсан жингүүдээ залуучууддаа суллаад өгчихсөн байгаа биз дээ” гэж бичжээ. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг. Монгол Улсын хөдөлмөрийн баатар болчихсон хүн ингэж гоншигнох хэрэг байсан юм уу. Бас олон хүн намайг зайгаа тавьж өг гээд байгаа, би харин болоогүй гээд биччихэж. Залууст үлгэр дуурайл болж байгаа гэнэ. Дэлхийн чансааг жинхэнэ утгаар нь тэргүүлдэг, өндөр зэрэглэлийн хамгийн гол тэмцээнд тойргоосоо ч гарч чадалгүй барилдчихаад ингэж хэлж болох уу даа. Токиогийн татами дээр шал арчиж залуусын дуурайл болж байгаа гэх нь хэр ёс зүйтэй юм бэ. Амжилт гаргаагүй л бол буруугаа бусдад биш өөртөө тохож гэмээнэ залуу тамирчдад үлгэрлэх бус уу. Бас “Бид хувийн зардлаараа ирцгээсэн болохоор мэдээж аль болох хямд буудал олж орцгоосон. Жингээ үзүүлэх гэж, бас тэмцээний заал руу тус бүрт нь нэг цаг зарцуулж цүнхээ чирээд метрогоор явж байна. Энэ нь мэдээж тамирчин хүнд сэтгэл санаа болон биеийн ядралт өгч л байгаа байх. Хэрвээ бид хангалттай мөнгөтэй бол бусад орны тамирчид шиг албан ёсны буудалд нь буугаад автобус унаагаар явах л байсан” гэж бичжээ. Гэтэл үнэндээ хамгийн их мөнгө зарж байгаа төрөл жудо байж мэднэ. Монголын жудо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга олсон хэдэн төгрөгөө жудочдодоо л барьж гүйдэг. Харин сүүлийн хэдэн тэмцээнд тамирчид өөрсдийнхөө зардлаар явсан юм байж. Энэ удаагийн “Их дуулга”-д оролцсон тамирчид хувийнхаа мөнгөөр явжээ. Тийм болохоор л медаль авчраагүй юм байна. Улсаас, жудо бөхийн холбооноос хэдэн төгрөг өгөөд үнэтэй зочид буудалд байрлуулсан бол алт, мөнгө, хүрэл медаль хэдийг л бол хэдийг аваад ирэх байсан бололтой юм. Бас улсын мөнгөөр явчихсан бол тэгж бааварлаад, томроод байлгүй бүх анхаарлаа барилдаандаа хандуулан ялах байжээ. Өөрсдөөсөө мөнгө гаргачихсан болохоор ялна уу, ялагдана уу гэдэг ард түмэнд ямар ч хамаагүй гэж байгаа бололтой. Тэдний ярьж буйгаар ялагдалд Х.Баттулга буруутай юм шиг байна. Х.Баттулга жудо бөхөд оруулах хөрөнгө оруулалтаа багасгаснаас болоод манай жудочдын амжилт эрс буурсан гэж ойлгууллаа. Харин спорт мэдэх хүмүүс “Чансаанд үл хамаарах жижигхэн тэмцээнд орж байна. Тэр тэмцээнд нь дэлхийн томчуул оролцдоггүй. Гэтэл манайхан очиж түрүүлээд түүнийгээ том амжилт мэтээр ойлгуулдаг. Ингэж жижигхэн тэмцээнд оролцож өөрсдийгөө хэтэрхий их судлуулснаар өндөр зэрэглэлийн тэмцээнд ялагдаад байна. Бас шоу нь ихдээд байгааг саяын тэмцээн харууллаа. Бүгд л биеэ тоон бааварлаж байгаад ялагдлаа шүү дээ” гэж ярьж байна. Хэрэв цаашид энэ янзаараа барилдаад байвал амжилтдаа ханаж, өөрсдөдөө эрдсэн хөгшин “бурхинуудыг” залуу тамирчдаар цус сэлбэх зайлшгүй шаардлагатай болжээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Х.Бадамгэрэл: Топ модель гэх цолыг өндөрт өргөж явна аа

Гоёл-2015″ наадам уржигдар Соёлын төв өргөөнд болж өнгөрлөө. 26 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус наадамд загвар зохион бүтээх 22 салон, шилдэг 50 загвар өмсөгч оролцсон. Дэлхийн супер модель Ирина Пантаева урилгаар ирж оролцсон нь наадмын чимэг болж байлаа. Тус наадамд үе, үеийн топ моделиудаас Г.Уранцэцэг, О.Уянга, Ч.Уранбилэг, Ч.Ундрах, О.Пүрэвдулам, С.Ариунбилэг нар оролцсон. Харин Э.Одгэрэл тайзан дээр алхалгүйгээр шилдэг загвар өмсөгчид шагнал гардуулан өгсөн юм. Дизайнеруудын гранпри шагналыг “Говь” компанийн дизайнер Э.Батцэцэг “Эдүгээ” коллекциороо хүртсэн бол шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр Г.Болор-Эрдэнэ, шилдэг эмэгтэй загвар өмсөгч П.Халиунаа, дэд байрт М.Наранмандах, шилдэг загварын товчоогоор “Монголжингоо”, шилдэг нүүр хувиргагчаар Наранмандах, шилдэг үсчнээр Баярчимэг, шилдэг дизайнераар үндэсний хувцасны төрөлд “Шилмэл загвар”-ын Өнөболор, уран сэтгэмжтэй төрөлд Энхсайхан, өдөр тутмын хувцасны төрөлд Батзогсоол, ирээдүйтэй залуу дизайнераар Томи, тусгай байрын шагналт дизайнераар Хоролмаа, Эрдэнэзул, Бямбацэрэн нар тус тус шалгарлаа. Энэ үеэр “Гоёл-2015″ наадмын топ моделиор шалгарсан Х.Бадамгэрэлтэй ярилцлаа.

-“Гоёл” наадмын отгон топ моделиор шалгарсанд баяр хүргэе. Маш их догдолж байх шиг харагдлаа?

-Үнэхээр их баяртай байна. Наадам эхлэхээс л миний сэтгэл их догдолж байсан. Нэг тийм сайхан мэдрэмж төрөөд байлаа. Эцсийн мөчид “Гоёл-2015” наадмын топ модель Х.Бадамгэрэл гээд зарлахад өөрийн эрхгүй нулимс унагасан. Нулимсаа барих тийм ч амар биш юм.

Гэр бүлийн хүн тань тайзан дээр гарч ирж баяр хүргээд нэлээн удаан тэвэрч зогссон. Бас чихэнд чинь юм хэлээд байх шиг байсан. Юу гэсэн бол?

-Топ моделийн шагналыг дэлхийн супер модель Ирина Пантаевагаас гардаж авлаа. Энэ хүн Америкийн төдийгүй дэлхийн хэмжээнд нэр хүндтэй топ модель. Ийм хүнээс шагнал авсандаа бэлгэшээж байгаа. Топын цомоо аваад үзэгч олондоо мэхийн ёслоод зогсож байтал хань минь тайзан дээр гараад ирсэн. Тэвэрч аваад үнсэхэд нь бас л уйлчихсан. Чамаараа их бахархаж байна, дэндүү их хайртай шүү гэж чихэнд минь шивнэлээ. Хайртаасаа өдөр бүр сайхан үг сонсдог ч гэлээ тайзан дээр гүйж гарч ирээд хайртай гэдгээ хэлэхэд нь бүр их баярлаж байлаа.

Таныг топ модель болохыг мэдсэн юм шиг сагс дүүрэн цэцэгтэй ирсэн нь бас л содон харагдаж байна лээ?

-Тайзан дээр гарч ирэхдээ сагс дүүрэн сарнай барьчихсан зогсож байсан. Уг нь өдөржин миний арын ажлыг зохицуулж гүйсэн юм. Хэдий завандаа авсан юм бол доо гэж бодоод хайр хүрч байв.

Та хоёр хүүхэдтэй болсон байх аа?

-Нэг хүүхэдтэй. Хүү минь одоо ой гарантай. Эмээ өвөөтэйгээ гэртээ үлдсэн.

Таныг тайзан дээр гарч ирэхэд үзэгчид алга ташин дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Өөртөө итгэлтэй байв уу?

-Яг топ модель болно гэсэн бүрэн дүүрэн итгэл байгаагүй. “Гоёл” наадамдаа амжилттай оролцъё гэж бодсон. Тайзан дээр гараад алхаж байхад олон хүн алга ташиж байсанд их урамшсан. Үзэгчдийн алга ташилтаас эрч хүч авч өөртөө итгэх итгэл улам бүр нэмэгдэж байлаа.

Энэ жил Х.Бадамгэрэл топ болно гэх яриа наадмын өмнө гарч байлаа. Та анзаарсан уу?

-“Гоёл” наадам дөхөөд ирэхээр тиймэрхүү яриа гардаг. Олон түмэн биднийг харж байгаа. Тэгэхээр хэн нь ямар байгааг гадарладаг биз. Ерөнхийдөө хоёр жилийн өмнөөс л миний нэр яригдаж эхэлсэн. Өнгөрсөн жил би хүүгээ төрүүлчихээд удаагүй байхдаа “Гоёл”-ын тайзан дээр гарч ирсэн. Үзэгчдээ, тайзаа хүндэтгээд оролцсон. Нөгөө талаар ээж болсон олон эмэгтэйд урам зориг итгэл найдвар өгөх болов уу гэсэн зорилго байлаа. Мөн миний ард олон хүний хөдөлмөр байдаг. Хайрт хань, ээж, хүү болон “Andra model management” агентлагийн хамт олон минь бий.

Таны хувьд загварын тайзнаа хэдэн жил гарч байна вэ?

-Би 2004 онд загварын ертөнцөд хөл тавьж байлаа. Харин “Гоёл”-д оролцож эхэлсэн нь 2006 он. Тэр үеэс хойш “Гоёл” наадмыг алгасаагүй. Жил бүр л арванхоёрдугаар сарыг догдлон хүлээж наадамдаа бэлддэг. Загвар зохион бүтээгчдийн бүтэн жилийн хөдөлмөрийг бид үзэгчдэд хүргэдэг. Тэр утгаараа хариуцлагатай байх ёстой. Дизайнеруудынхаа хөдөлмөрийг харуулж тэднийхээ урласан хувцсыг амилуулах юмсан гэх итгэлээр өнөөдрийг хүртэл тайзан дээр гарлаа. Хөдөлмөрөө үнэлүүлж чадсандаа ч баяртай байгаа. Миний хөдөлмөрийг үнэлсэн Монголын дизайнеруудын холбоо, үе үеийн топ моделиуд, тайзнаа өрсөлдсөн загвар өмсөгчдөдөө баярлалаа гэдгээ хэлмээр байна. Жил бүр шилдгээр шалгардаг топ моделиудаас үлгэр дууриалал авдаг болохоор загварын тайзнаа амжилттай алхаж байгаа гэж боддог. Одоо өөрөө топ модель болчихлоо. Энэ том нэр хүндийг өндөрт өргөж явна аа.

Загвар өмсөгч болгосон багш тань хэн байв?

-Миний хамгийн анхны багш Халиунаа. Багш минь өнөөдөр шилдэг загвар өмсөгчийн шагнал авлаа. Би багшаасаа алхаа гишгээ, хувийн зохион байгуулалт гээд бүх зүйлийг сурсан. Манай багшийн онцлог гэвэл дэндүү сайхан сэтгэлтэй. Ийм мундаг хүний шавь болсондоо маш их талархдаг. Багш минь надад тус дэм урам зориг өгдөг. Амьдралын минь амжилтын эхлэлийг тавьж өгсөн багшдаа маш их баярлалаа гэж хэлье.

Багш шавь хоёр нэгэн уралдаанаас хамтдаа шагнал авна гэдэг бас сайхан тохиол байна шүү?

-Тийм ээ. Багштайгаа шагналын тавцанд хамтдаа зогсох сайхан байлаа. Бас эрэгтэй шилдэг загвар өмсөгч Болор-Эрдэнэ миний хар багын найз байгаа юм. Бид хоёр 2004 оноос эхлэн Халиунаа багшийнхаа дамжаанд бүртгүүлэн суралцаж байлаа. Тэр үед манай багш “Шилмэл загвар” агентлагийн модель байсан. Тиймээс би бас тэндхийн модель болж байжээ. Өнөөдрийн миний амжилт “Шилмэл загвар” агентлагтай салшгүй холбоотой.

Энэ жилийн хөтлөгч Э.Ууганбаяр таны сайн найзуудын нэг. Тэгэхээр тайзан дээр ер нь л ойр дотныхонтойгоо байжээ дээ?

-Бас л аз завшаанаар тэгээд таарчихлаа. Э.Ууганбаяр бид хэд гэр бүлийн найзууд. Намайг топ модель болоход бас их баярласан байх. Ханийг минь тайзан дээр гарч ирж надад баяр хүргэхэд гар утсаараа бичлэг хийж байх шиг харагдсан.

Таны нүүрний будалт их өвөрмөц харагдаж байна лээ. Ямар хүмүүстэй хамтарч ажиллав?

-Миний өнөөдрийн үсний засалт, өнгийг “Жей” салоны үсчин Хосоо, Ганаа хоёр маань хариуцаж ажилласан. Харин нүүр будалтыг Эрдэнэсувд, Отгоо эгч нар хийсэн. “Говь” компанийн загварын үзүүлбэр дээр урууландаа шигтгээ нааж гарахад үзэгчид алга нижигнүүлэн ташсан. Бас “Bess tailor” салоны цагаан даашинз их таалагдсан. Биндэрьяа дизайнер надад итгэл хүлээлгэсэн болохоор энэхүү даашинзыг сэтгэлд хүртэл нь амилуулахыг хичээсэн. Ер нь “Гоёл” наадмын дизайнеруудын бүтээл жилээс жилд гайхалтай болж байгаа. Дизайнеруудын бүтээл яах аргагүй том урлаг. Энэхүү урлаг шингэсэн бүтээлийг өмсч байгаадаа загвар өмсөгч бидний хувьд асар их сэтгэлийн таашаалыг амсдаг.

Та өмнө нь бас “Гоёл” наадмын шилдэг загвар өмсөгч болж байсан байх аа?

-“Гоёл-2010” наадмын шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан. Би нэгэнт хийж бүтээж, хөдөлмөрлөж л байгаа юм чинь хэзээ нэгэн цагт хүмүүс миний хөдөлмөрийг үнэлэх байх гэж боддог байлаа. Топ модель гэдэг чинь загварын салбарын оргил шүү дээ. Би энэ оргил өөд тэмүүлж байлаа. Гэхдээ цаг нь ирэхээр бүх зүйл сайхан болдог учраас тэгтлээ яараагүй.

ДУУЧИН БЭКИ: ХАНИЙГАА ТОП МОДЕЛЬ БОЛЧИХ БАЙХ ГЭСЭН ЗӨН СОВИН НАДАД БАЙСАН

Гоёл-2015″ наадмын топ модель Х.Бадамгэрэлийн нөхөр дуучин Бэкитэй уулзав.

Таны гэргий Монголын загварын хамгийн том цолыг хүртсэнд баяр хүргэе.

-Маш их баярлалаа. Бас ханиараа их бахархаж байна. Би урлагийн хүн болохоор сэтгэл хөдлөл ихтэй. “Гоёл-2015” наадам эхлэхээс л гарын алга хөлрөөд сандраад байсан. Одоо хүртэл хөвөөд байгаа юм шиг гоё мэдрэмж төрж байна.

Х.Бадамгэрэлийг тайзан дээр гарч ирэхэд шүгэлдээд, алгаа ташаад их дэмжиж байсан. Танаас гадна ямар хүмүүс байв?

-Тайзны араас миний хайр гараад ирэх тэр мөчид үлгэрийн дагина амилав уу гэлтэй харагдаж байсан. Нэг насаараа үнэнч хайрлах хүн минь юм шүү дээ. Бахархаад ханашгүй байна.

Ер нь энэ жил топ модель болчих болов уу гэж бодож байсан уу?

-Ханийгаа топ моделиор шалгарчих авчих болов уу гэсэн зөн совин надад байсан. Гурван жил нэр нь яригдаж байгаа шүү дээ. Тиймээс энэ жил хоосонгүй болов уу гэж бодож байлаа. Гэхдээ дотроо л бодоод байсан хэрэг. Харин манай хүн чив чимээгүй л байгаад байсан. Бэлтгэл ажилдаа л анхаарна уу гэхээс шагналын тухай бид хоёрын хэн нь ч ам нээгээгүй. Гэхдээ миний хань наддаа дэлхийн супер модель л гэсэн үг.

Загвар өмсөгч хүний нөхөр байх хэцүү юу. Нарийн дэглэм барихаас эхлээд янз бүрийн залуусаас харамлана биз?

-Манайх урлагийн гэр бүл. Тиймээс хэн хэнийгээ ойлгоно. Миний хань ажлаа л хийж яваа хүн. Тиймээс эрчүүд харж байгаа болов уу гэж хардаад байх утгагүй. Харин хоол ундны тухайд тэгтлээ намайг залхаагаад байдаггүй. Идэх үедээ хүссэн зүйлээ идчихнэ. Гэртээ бол аль болох эрүүл, органик бүтээгдэхүүн сонгохыг чухалчилдаг юм.

Одоо яаж баярлуулъя гэж бодож байна вэ?

-Бодсон зүйл одоохондоо алга. Ямар ч байсан нэг сайхан гэнэтийн бэлэг барина даа.

С.АЛТАНЦЭЦЭГ

Д.ДОРЖДЭРЭМ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Хорлоо эмээг тохилог сууцтай болгохоор залуус ажлаа эхлүүлэв

“Энх саран” сувилал 2014оны арванхоёрдугаар сарын 2.

-ТЭД САЙН ҮЙЛСЭД НЭГДЭЖ ЧАДДАГАА ЭНЭ АЯНААР ХАРУУЛЖ БАЙНА-

“Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-ынхан С.Хорлоо эмээд туслах аян эхлүүлээд байгаа. Тэд “Бөмбөгөр” худалдааны төв дээр сүүтэй цай заран амьдралаа залгуулдаг 90 настай эмээд шинэ байр барьж өгөхөөр болжээ. Сайн үйлс хийж буй залуустай болон С.Хорлоо эмээтэй уулзахаар гэрт нь очив. Эмээгийнх Дэнжийн мянгын цагаан байрны автобусны буудлын дэргэд байдаг ажээ. Очтол гурван эмэгтэй байж байна. “Эмээг сувилалд хэвтүүлсэн. Шинэ байшинтай болтол дулаан газар байж байг. Өнөөдөр энэ амбаарыг буулгах гэж байгаа. Эрэгтэй хүний хүч хэрэгтэй байна. Хүн хүч хэрэгтэй байгаа тухай зараа фэйсбүүкээр тараасан” гэлээ.

Амбаарыг буулгахаар хорь гаруй залуу цуглажээ

Бусад нь барилгын захуудаар материалын судалгаа хийхээр явжээ. С.Хорлоо эмээгийн амьдарч байгаа гэр гэж жижигхэн амбаар байв. Ногоон төмрөн амбаарын дотор талыг цаасан хайрцгаар дулаалжээ. Дотор нь жижигхэн зуух, намхан модон ор, ганцхан талх тавиад дүүрчих хэмжээний ширээ л байв. Өөр зүйл алга. Хувцас хунар болон аяга тавгаа цаасан хайрцганд хийчихдэг ажээ. Галлаагүй болохоор жигтэйхэн хүйтэн, дээрээс нь хүйтэн салхи нэвт сийгэж байв. Хашаанд нь эмээгийнхээс гадна хоёр айл байдаг юм байна. Тэд уг хашааг долоо, найман жилийн өмнө С.Хорлоо гуайгаас худалдаж авсан гэнэ. Гэтэл эмээд очих газар байхгүй учраас тэндээсээ нүүлгүй амбаартаа амьдарч байгаа ажээ. “Эмээтэй уулзаад байшин барьж өгөх тухайгаа хэлэхэд нэг л итгэж өгөхгүй байгаа шинжтэй байсан. Арав хоногийн дараа гэхэд дулаахан, сайхан байшинтай болгочихмоор байна” хэмээн эмээд туслахаар ирсэн сайн санаатай залуус ярьж байлаа. Тэнд байсан залуусын утас цайны цагийн үеэр дуугарч эхлэв. Байшин нураахад туслах гэсэн юм, хаана вэ гэж асууж байна. Ингэж ярьсаар хорь гаруй залуу цуглачихлаа. “Цайныхаа цагаар хүрээд ирлээ. Олуулаа юм чинь юу байх вэ” гэлцэн амбаарыг буулгаж эхлэв. Залуусын зарим нь костюм пиджактай, зарим нь жинсэн өмд, пүүз өмсчээ. Харин хүүхнүүд хоол, цай хийн ирсэн юм. Дотуур байранд амьдардаг хоёр оюутан халуун савтай цай, гэртээ хүүхдээ харж буй эмэгтэй хоол авчирч өглөө. Мөн “Scotch” рестораныхан ажил хийж буй залууст халуун хоол, цайгаар туслахаар иржээ. Ингээд ганцхан цагийн дотор эмээгийн амбаарыг буулгав. Амбаар байсан суурин дээр шинэ байшингаа барих бөгөөд суурийн ажлыг барилгын инженер мэргэжилтэй залуу ажлын хөлсгүй хийж өгөхөөр болжээ. Харин ямар байшин барихаа судалж байгаад “Контейнер хаус”-аас 12 метр квадрат хэмжээтэй байшин авахаар болсон байв. Ийм хэмжээтэй чингэлэг 6.5 сая төгрөгийн үнэтэй ажээ. Харин “Контейнер хаус”-ынхан сайн үйлсийг дэмжин 2.5 сая төгрөгөөр худалдахаар болжээ. Байшингийн халаалтыг нэг мөсөн шийдээд шалнаасаа халдаг байлгая гэж ярилцсан ч С.Хорлоо эмээ гал голомтоо авч үлдмээр байна. Зуухыг минь үлдээгээрэй гэж хэлсэн болохоор галладаг байхаар шийджээ. Харин гэрийн тавилгыг модон эдлэлээр тавилга хийдэг залуу үнэ төлбөргүй хийж өгөхөөр болсон гэнэ. Тэрээр “Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-ынхантай уулзаж ярилцаад тавилгаа хийхээр өчигдөр Эрдэнэт рүү явжээ. Тэнд очоод цэвэр модон ор, ширээ, шүүгээ, гурван ширхэг сандал зэргийг хийх юм байна.

С.Хорлоо эмээгийн хуучин амбаарыг буулгаж байгаа нь. 2014.12.02-ны 14.05 цаг

С.Хорлоо эмээд тусалж байгаа залуус хийж буй ажлынхаа тухай цахим ертөнцөд мэдээлжээ. Гэтэл хэдхэн цагийн дараа эмээд туслахыг хүссэн хүмүүс холбогдож эхэлсэн байна. “Хэдэн шуудай нүүрс дөхүүлээд өгье”, “Дулаан хөвөнтэй дээл аваачиж өгье”, “Байшин барих үеэр очиж тусалъя”, “Байшин барьж байгаа хүмүүст хоол, цай аваачиж өгье”, “Хөнжил аваачиж өгмөөр байна”, “Цагаан сараар хэрэглэх гээд авчихсан тогооны өрөм байгаа. Тэрийгээ эмээд өгмөөр байна. Яаж уулзах вэ” гэх зэргээр олон хүн эрвийх дэрвийхээрээ туслахыг хичээж байгаа ажээ. Бас үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниуд ч гэсэн гараа сунгаад эхэлчихэж. “АПУ” ХХК-ийнхан гэхэд С.Хорлоо эмээгийн бүтэн жилийн сүүний хэрэгцээг хангахаар болсон тухай сайхан мэдээ дуулгажээ. Олны дэмээр С.Хорлоо эмээг энэ сарын аравдаар байшинтай болгочихно. Цаашид байнга харж хандаж байна гэдгээ “Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-ынхан ярьж байлаа.

Эмээгийн амбаарыг буулгасны дараа С.Хорлоо гуайтай уулзахаар Био комбинат дахь “Энх саран” сувиллын газрыг зорилоо. Тус сувилал эмээгийн байшинг бэлэн болтол үнэ төлбөргүй амрааж байгаа юм байна. Үүдний хүнээр заалгаад өрөөнд нь яваад ортол унтаж байв. Өрөөндөө хоёулаа ажээ. Хамт байгаа эмэгтэй “Эмээ унтаж байна. Саяхан хажуулсан. Байс хийгээд утас нь дуугараад хөөрхийг унтуулахгүй юм” гэв. Ингэж ярьж дуусав уу, үгүй юу эмээ сэрчихлээ. “Хөгшин надад тусалж байгаа буянтай хүүхдүүдийн ачаар ийм сайхан газар ирлээ. Би нойронд муу. Тэгсэн дулаахан сайхан газар ирэхээр унтчихдаг юм байна” гэв. Түүнийг ТББ-ын залуус тус сувилалд уржигдар үдийн хоолны цагаар авчирчээ. Сувилуулахаар ирж байгаа хүн цагаан хэрэглэл, гар нүүрний алчуур, гэрийн шаахай зэрэг хувийн бэлтгэлтэй ирэх ёстой байдаг байна. Харин эмээд ор хөнжлийн даавуу битгий хэл солих хувцас цөөн болохоор хүргэж ирсэн залуучууд хувийн бэлтгэлийг нь хангаж өгөөд хэвтүүлжээ. Сувиллынхан эмээг хүлээж аваад усанд оруулан, хувцсыг нь сольж өгсөн байна. Мөн эмээд үзлэг хийн эмчилгээ эхлүүлчихэж. С.Хорлоо гуайн хоёр өвдөг хатгаж өвдөөд биеэ дийлэхээ больсон учраас байнга таягтай явдаг гэнэ. Бас баруун нүд нь юм хардаггүй ажээ. Түүнээс бусдаар өвдөж зовоох зүйлгүй гэсэн. Хараа, сонсгол, чих, ой ухаан сайтай. Өндөр настай болсон гэхэд хүний яриаг алдалгүй сонсоно. Бас дөч, тавин настай хүнээс дутахгүй яриа хөөрөө үүсгэж байв.

Эмээ Өмнөговь аймгийн Баян-Овоо сумынх. Залуудаа намын ухуулагч, эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хийж байжээ. Ээжийнх нь нагац Лодон гэж мундаг бяр тэнхээтэй бөх хүн байсан гэнэ. Тэр хүнийг долоон хошуу даншиг наадамд ноёны бөхийг унагаж байсан гэж ярьдаг байж. Бөх удамтайгаас тэр үү гэрийнхэн нь эр, эмгүй айхтар чадалтай, бяр тэнхээтэй хүмүүс байжээ. С.Хорлоо гуай л гэхэд жин тээхэд хамт явдаг, хүнд ачааг эрчүүдээс дутахгүй өргөөд тэмээний нуруун дээр ачдаг байсан гэнэ. Мөн адууны бугуйл алдахгүй уургалдаг байсан тухайгаа ярилаа. “Бага залуу насандаа өмсөх дээлээ өөрөө оёод өмсчихдөг ганган хээнцэр гэж тоймгүй хүн явлаа” гэж залуу насныхаа тухай дурсав. Нутагтаа ухуулагч хийж явахдаа орсон айлынхаа хүүхдүүдэд цагаан толгойн үсэг зааж өгдөг байсан гэнэ. Харин гучин насныхаа босгыг даваад хот барааджээ. Нийслэлд ирээд орон сууцны байгууллагад мужаан хийдэг байсан гэнэ. Бүр мужааны дөрөвдүгээр зэрэгтэй. Хөгшин нь 1945 оны Халх голын дайнд Дандар баатартай мөр зэрэгцэн тулалдаж явсан ахмад дайчин. Хожим буюу 1990-ээд оны эхээр “Байлдааны гавьяаны одон”-гоор шагнуулсан гэнэ. Мөн байлдааны тэмдэг, халх голын ялалтын тэмдэг байдаг ч хэдэн жилийн өмнө нүүдэл суудал болохдоо гээчихжээ. Өвгөнийгөө өнгөрсөн хойно ахмад дайчны тэтгэмж авдаг гэж сонсоод холбогдох газраар нь явтал ямар нэгэн бичиг баримт шүүж үзээгүй хэрнээ “Танай өвгөн цэрэгт алба хааж байгаагүй юм байна” гэж хэлээд буцаасан гэнэ.

С.Хорлоо гуай залуудаа ганцхан охин төрүүлсэн. Харамсалтай нь газар дээрх ганц охиноо хүний гарт алдсан байна. Хожим дөчин нас хүрээд асрамжийн газраас нэгэн хүү өргөж авсан нь одоо группт байдаг ажээ. Эмээ өргөмөл хүүгээ эмчлүүлэх санаатай амьдарч байсан хашаа байшингаа зараад Бээжин явуулсан ч тус болоогүй гэсэн. Одоо хүү нь эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт тусдаа амьдарна. Сэтгэцийн өвчтэй болохоор хөгшин эхдээ туслах боломжгүй. Харин ч эмээ хүүгийнхээ амьдралд нэмэр болог гээд 200 мянган төгрөгийнхөө тэтгэврийг зээл хэлбэрээр урьдчилж аваад өгчихсөн юм байна. Мөн таньдаг хүнээсээ 300 мянган төгрөгийн зээл авчихсан байсныг “Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-ын залуус төлж өгчээ. Нутгаасаа гараад олон жил болсон учраас одоо ах дүү, хамаатан садан байхгүй. Туслах хүн байхгүй болохоор тэтгэвэрт гарснаасаа хойш буюу сүүлийн гуч гаруй жил цай чанан амьдралаа залгуулдаг болсон байна. Сүүлийн хоёр жил л гэхэд өглөө эрт босоод ойролцоох худгаасаа ус авна. Буцаж ирээд сүүтэй цай чанаад хоёр литрийнхээ халуун саванд хийн “Бөмбөгөр” худалдааны төв дээр зардаг. Эмээ хоёр гартаа таяг тулаад, халуун савтай цайгаа цүнхэнд хийж үүрээд явна. “Бөмбөгөр” дээр очоод нэг аяга цайгаа 500 төгрөгөөр зардаг. Цай авах гэж байгаа худалдагч нар томоо гээчийн аяганд хийлгэж авна. Ингэж явсаар өдөрт их сайндаа 2500 төгрөг олдог ажээ. Тэндхийн цагдаа нар цай, аарц, хуушуур, бууз зарж байгаа хүмүүсийг зах руу оруулахгүй хөөх, ороод ирчихсэн нэгнийг гаргадаг гэсэн. Харин С.Хорлоо эмээг цагдаа нар хөөж туугаад сүйд болохгүй. Тиймээс эмээ лангууны дундуур явж хоёр литр цайгаа зарчихаад гардаг юм байна. Олсон мөнгөөрөө ганц жижигхэн талх, гурил будаахан аваад буцна. Бас дараа өдрийнхөө зарах цайны сүү, шар будаа зэргийг авдаг ажээ. Эмээ иймэрхүү маягаар амьдралаа залгуулсаар 30 гаруй жил болж байгаа юм байна. Харин өнгөрсөн долоо хоногт цайгаа зарчихаад автобусанд суух гэж байгаад Ц.Сувд-Эрдэнэ гэх бүсгүйтэй таарсан нь эмээд тусалж байгаа ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн байжээ.

С.Хорлоо эмээтэй ярилцан сууж байхад утас нь байс гээд л дуугарч байв. Жижигхэн алчууранд ороосон “Samsung” маркийн гар утас өврөөсөө гаргаж ирээд ярих юм. Эмээд туслах гэсэн залуус үе, үе залгадаг болжээ. Уржигдар л гэхэд шөнө 12 цаг өнгөрч байхад утас нь дуугараад “Танайх хаана вэ. Түлээний мод хүргэж өгье” гэсэн байна. Барьж буй гар утсыг нь хэдэн жилийн өмнө хашааных нь айлын хүүхэд өгчээ. Эмээ утсаараа холбоо барихаас гадна цаг харна. “Шөнө унтаж байхдаа утсаа гаргаад цагаа хардаг юм байна лээ” гэж өрөөнийх нь хүн хэлэв. Бас эмээ цай зөөдөг цүнхээ гаргаж үзүүлэв. Шар шуудайг дөрвөлжин болгож оёод үүргэвч маягтай болгожээ. Түүнийгээ “Миний ажлын гол багаж” гэлээ. Ярьж байх зуур нь ширээн дээр нэгэн бичиг байхыг харвал “Энх саран амралт дээр 2014-12-1 ирлээ. Эмчид үзүүлж хоёр өвдөг тос түрхэж шарлага хийсэн. Нуруунд жин тавьсан” гээд дурайтал биччихэж. Цаас, бал олдвол энэ мэтээр өдөрт юу хийсэн тухайгаа тэмдэглэдэг ажээ. Эмчтэй нь уулзвал “90 настай хүн гэхэд бие сайн. Гэхдээ маш их хавантай ирсэн. Хүйтэнд хүнд юм үүрээд явахаар хавантаж байсан байна лээ” гэсээр эмчилгээнд нь оруулахаар аваад явав. Эмээ өрөөнөөс гарахдаа “Надад тусалж байгаа хүүхдүүдэд баярласнаа яаж илэрхийлнэ дээ гэхээс санаа зовох юм. Би чинь түмэн олныхоо сайн сайхны төлөө өглөө бүр цай, сүүнийхээ дээжийг өргөдөг. Одоо насан эцэс болтлоо энэ хэдэн хүүхдийн сайн сайхны төлөө залбирч сууя даа” гэлээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Төвлөрсөн халаалтын системд холбогдоогүй ч дулаахан амьдрах боломжтой болжээ

Монголчууд халаалтын шинэ технологи буюу эрчим хүчний хэмнэлттэй вакуум радиатор зохион бүтээжээ. Уг радиатор нь хоёр төрөлтэй. Төвлөрсөн халаалтын системд холбогдсон орон сууц, албан байгууллагын хэрэгцээний зориулалтынх гэж байхаас гадна ямар нэгэн шугам сүлжээнд холбогдоогүй буюу гэр хорооллын айл өрх, амины орон сууцанд хэрэглэх зориулалттай гэж бий. Уг системийг “Их инхмэл” ХХК-ийнхан зах зээл дээр нийлүүлж байгаа юм байна. Бусад цахилгаанаар халаах төхөөрөмжөөс ялгаатай нь радиатор доторх шингэн. Уг шингэнийг И.Боди гэж инженер хүн зохион бүтээжээ. Шингэн гэдэг нь хүнсний ногооны хаягдлаас гаргаж авсан органик нэгдлийн бүрдэл гэнэ. И.Боди инженер гурван жилийн өмнө уг шингэнээ гаргаж авсан бөгөөд шинэ бүтээлийн патентаар баталгаажуулжээ. Эко гэж хэлж болохоор тус шингэнийг халаалтын радиаторт хийнэ. Халаах шингэн радиаторын зөвхөн доод хэсгээр гүйж өнгөрөхөд битүүмжлэгдсэн хоолой дахь тусгай шингэн халаад уур хэлбэрт шилжиж дулаан ялгаруулдаг ажээ. Шугам дахь шингэн 85-90 хэмд байхад радиатор 65-70, тасалгааных 20 хэм хүртэл халдаг ажээ. Хэрэв хүсвэл түүнээс дээш хэмээр халааж болно.

“Манай паар маш сайн халдаг. Гар түлчих шахам хална” гэж “Их инхмэл” ХХК-ийн захирал Ц.Энхболд ярив.

Одоо ашиглаж байгаа нам даралтын зуухнуудад зэврэлт үүсдэг, дулаан зөөгч шингэн маш урт зам туулдаг учир хөрөлт ихтэй байдаг, тодорхой хугацаанд ялангуяа өглөө, оройд заавал ч үгүй галлах шаардлагатай болдог гэхчлэн дутагдалтай талтай. Харин эрчим хүчний хэмнэлттэй вакуум радиатор халаалтын систем хэрэглэгдэх шингэний хэмжээг 80 хувь хүртэл бууруулна. Ердийн 10 секцтэй радиаторт 4-12 литр шингэн хэрэгтэй байдаг бол шинэ технологийнход 0.5 литр шингэн хангалттай ажээ. Мөн ямар ч дулааны эх үүсвэрээс ажиллах боломжтой. Бага хэмжээний шингэн хэрэглэдэг тул системийн эргэлт хурдан, дулаан өгөлт өндөр болж тасалгааг дулаацуулах хугацаа богино байдаг байна. Бас нэг давуу тал нь системд хий үүсэхгүй учир радиаторын секцүүд жигд халдаг ажээ. Уг радиаторыг ашиглахад системээс хий авах, шингэнийг эхний эргэлтэд оруулах зэрэг нэмэлт ажиллагаа шаардлагагүй юм байна. Харин төвийн халаалтын системд холбоход дулааны хэрэглээг хоёр дахин, усны хэрэглээг 80 хувиар багасгах боломжтой ажээ.

Тус радиаторыг ямар ч халаалттай айл өрх хэрэглэж болох юм байна. Сантехникийг нь хийчихсэн барилгуудын радиаторыг солиод тавьж болно. Нийтийн орон сууцанд амьдардаг бол айл тус бүр тавиулах боломжтой. Харин төвлөрсөн байдлаар хэрэглэвэл маш их ус хэмнэх боломжтой ажээ. Тухайлбал, есөн давхар, 36 айлын орон сууцны нийт халаалтын системийн радиаторт 2160 литр ус ордог. Харин вакуум радиатор тавибал 54 литр ус зарцуулах тооцоо гарчээ. Тэгэхээр нийслэлийн бүх орон сууцны халаалтын радиаторуудыг вакуумаар соливол гуравдугаар цахилгаан станцын хүчээр дахин 2-3 хотыг хангаж чадах юм байна.

Энэхүү систем цоо шинэ зүйл биш ажээ. Манайд л шинэ технологид тооцогдоод байгаа болохоос АНУ-ын “NASA”-гаас гаралтай гэж үздэг юм байна. Өдгөө хойд, урд хөршид хэрэглэж байгаа. Ялангуяа хүйтэн нутаг болох Оросын Сибирийнхэн өргөн ашигладаг гэнэ. Харин манайд гэр хороололд амьдарч байгаа, эсвэл шинээр орон сууц барьж буй хүмүүс сонирхоод эхэлжээ. Зарим хүмүүс халаалтын систем маягаар хэрэглэж байгаа бол паарны зориулалтаар хэрэглэх хүмүүс ч бий ажээ. Ямар зориулалтаар ашиглахаас хамаарч үнэ нь харилцан адилгүй. Халаалтын системээр хэрэглэх бол нийт зардал дунджаар сая төгрөг болдог гэнэ. Захиалга өгөхөөр мэргэжлийн хүмүүс очоод тухайн айлын дулаан алдагдлын тооцоог гаргахын зэрэгцээ инженерийн зураг гаргаж тохирох радиатор, халаагуур, хэдэн секцтэй паар тохиромжтойг нь зөвлөдөг ажээ. Харин паарны зориулалтаар хэрэглэх бол арван хоёр секцтэй нь 350 мянган төгрөгийн үнэтэй. Ийм паар дугуйтай, эсвэл тогтоодог гэж хоёр янз байдаг ажээ. Хамгийн гол давуу тал нь тусгай шингэний нөлөөгөөр цахилгаан зарцуулалт бага. 0.8 кв цахилгаан зарцуулдаг. 12 секцтэй паар авлаа гэхэд хоногт 800-1000 төгрөгийн цахилгаан зарцуулдаг гэнэ. Энэ нь сард 25-30 мянган төгрөг болно.

Бусад халаагуурын систем буюу тень, шалны халаалтаас олон давуу талтай. Тень агаарыг шатааж хуурайшуулдаг учраас эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Харин тосон тень өндөр хэмд халдаг учраас их цахилгаан шаарддаг юм байна. Вакуум радиатор агаарыг хуурайшуулахгүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, эко бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой ажээ. Халсан хойноо дулаанаа 1.30 цаг барина. Бас хоёр удирдлагатай. Удирдлагаараа цагаар асдаг системийг тохируулж болно. Мөн тодорхой хугацаанд асаж унтардаг байхаар ч тохируулж болох юм байна. Гэрт амьдардаг айлууд эдний паарыг тавиад өвөлдөө зуух хэрэглэхгүйгээр дулаахан, тав тухтай амьдарч байгаа ажээ. Ийм айлууд сарын дулааны зардалд дунджаар 30 мянган төгрөг зарцуулж байгаа гэнэ.

С.АЛТАН

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Улсын гарьд, начин цолтонтой нэг ангийнхан

“Манай ангиас аймгийн арслан зургаа төрсөн. Тэр зургаагаас хоёр нь улсын цолонд хүрсэн. Үлдсэн дөрөв маань ид барилдаж байгаа. Ер нь манай ангийн 25 төгсөгчөөс арав гаруй нь улс, аймгийн цолтой. Жинхэнэ шижигнэсэн хөвгүүд байлаа даа” гэж оюутан цагийн дурсамжаа ярих нэг ангийнхантай уулзлаа. Тэд бол 2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн чөлөөт бөхийн ангийн төгсөгчид. Ангийн багш нь Монгол Улсын начин Д.Адъяахүү. Спортод, тэр дундаа бөхөд хайртай 35 залуу эх орныхоо өнцөг булан бүрээс цуглаж нэг ангийнхан болжээ. Дөнгөж арван жилийн сургуулиа төгсөөд ирцгээсэн, тэгээд ихэнх нь хөдөө орон нутгаас ирсэн болохоор барагтай бол гадуур тэнэдэггүй байсан гэнэ. Эхний хоёр жил гэр сургууль, сургууль оюутны байрны хооронд жим гартал алхдаг байсан тухайгаа ярьж байна. Нэгдүгээр курст байхдаа хичээлээ цаг тухайд нь хийдэг, одоогийн оюутнууд шиг ганц нэг цагийг тасална гэх ойлголтгүй байжээ. Нэг ёсондоо тун томоотой оюутнууд явсан гэнэ. Гэхдээ хөвгүүд л болсон хойно байсгээд сахилгагүйтчихнэ. Багш нь тэр үед айхтар загнаад байхгүй ч хааяа нэг орой руу нь ортол зэмлэдэг байжээ.

Эдний ангийнхан нэгдүгээр курстээ 35-уулаа элссэн гэсэн. Дөрвөн жилийн хугацаанд шилжих нь шилжээд, сургуулиа орхих нь орхисоор 25-уулаа төгсчээ. Харин ангид ганцхан охин байсан нь Уянга. Хөвгүүд нь ганц охиноо үерхэж барья гэж илт гуйхгүй ч гэлээ бусад ангийн хөвгүүдээс сэмхэн харамладаг байжээ. Ихэнх нь хөдөө орон нутгаас ирсэн болохоор голдуу хотод байх ах дүү, хамаатан садныхаараа амьдардаг. Бусад нь оюутны дотуур байранд суудаг байжээ. Гэр орон, аав ээжээсээ хол болохоор гэдэс өлсөх, мөнгө төгрөггүй болох үе их гарна. Мөнгөтэй үедээ 100-гийн ундаа, 150-ын наполеон торт идчихнэ. Бас сургуулийхаа гуанзны пирожки, мантуун буузыг ёстой нэг идэх шиг болдог байсан гэнэ. “Тэр үеийн пирожкины амт одоо ч амтагдах шиг болж байна.

Манай сургуульд эрчүүд голдуу сурдаг байсан болохоор гуанзны эгч нар оюутан хүүхдүүд гээд өрөвддөг байсан байлгүй мах ихтэй хийдэг байсан шүү” гэж ярилаа. Нээрээ л оюутнууд пирожки, мантуун буузтай найзалсан шигээ дөрвөн жилийг өнгөрөөдөг дөө. Харин “Аварга” сургууль биеийн тамирынх гэдэг утгаараа сургууль дээрээ маш олон цагийг өнгөрөөдөг байжээ. Өглөө найман цагаас хичээл нь эхлээд өдөр 13, 14 цагийн үед тарна. Хичээл тарахаар цаг хэртэй хугацаанд хоол унд эргүүлж байгаад үдээс хойш бэлтгэлдээ гарна. Д.Адъяахүү багш нь чөлөөт бөхийн мэх, барилдах арга техникээс эхлээд бөх хүн биеэ хэрхэн авч явах тухай, спортын ёс зүй, хэм хэмжээний тухай хаа явсан газраа үлгэрлэдэг байсан гэнэ. Ангийнхан нь багшийгаа дурсахдаа “Манай багш биднийг ер нь зодож байгаагүй. Зарим эрэгтэй хүүхдүүдтэй ангийг удирдахад хэцүү байдаг юм шиг байна лээ. Багш зодоод гэхийг зөндөө л олон удаа сонсож байсан. Харин манай ангийн багш биднийг зодож байгаагүй. Загнах нь ч ховор байсан байх. Гэхдээ л бид багшаасаа их айна. Ер нь анзаараад байхад хүүхдийг айхтар загнахгүй байхаар тэр хэрээр хүндлэл хүлээдэг шиг байгаа юм. Манай багш тийм л хүн байсан. Амьдрал дээр гарахаар янз бүрийн л хүнтэй уулзана. Хэцүү ааштай хүнтэй таарлаа гэхэд багш байсан бол лав л муудалцахгүй, эвтэйхэн өнгөөрчих байсан даа гэж бодоод аргалдаг юм” гэв.

Эднийх биеийн тамирын сургууль ч гэлээ оюутнуудын дунд ямар л уралдаан тэмцээн болох ёстой тэр бүхнийг зохионо. Урлагийн үзлэг болохоор ганцхан охинтой ч янз бүрийн үзүүлбэр үзүүлчихнэ. Чөлөөт сэдэв дээр туранхай, өндөр биетэй хөвгүүдээ загвар өмсөгч болгоод шоу хийчих жишээтэй. Энхсүх, Лхагва-Очир, Буянбаатар нарын залуус нүүрээ будаад, хиймэл үс зүүн эмэгтэй дүрд тоглодог байжээ. Эгчийнхээ, дүүгийнхээ, таньдаг эмэгтэй найзынхаа өндөр өсгийт, даашинзыг өмсөөд гунхалзаж өгнө. Бүр хөхний даруулга хүртэл зүүдэг байсан гэж байгаа. Нэгдүгээр курсийнхээ урлагийн үзлэгээр үзүүлсэн уг үзүүлбэр шүүгчдийн зүгээс өндөр оноо авсан тул ангиараа тэргүүн байр эзэлж байжээ. Харин найрал дуу дуулахаар дан эрчүүд урлагийн заалыг нураах шахам, сүртэйхэн дуулдаг байсан гэнэ. Бас сагсан бөмбөгөөр хоёр ч удаа сургуулийнхаа аварга болж байжээ. Ер нь авьяастай хүүхдүүд олон. Л.Баасанбаяр, Отгонхүү, Цэнджав, Эрдэнэбат, Лхагваа нарын хүүхдүүд ангийнхнаа манлайлан явдаг байжээ.

Хөвгүүд олонтой, дан эрчүүдийн анги ч гээд хэлчихэж болох учраас аливаа баяр ёслолын үеэр олон охинтой сургуулийнхантай шефлэнэ. Өөр сургуулийн, олон охинтой анги олох үүргийг ангийн багш нь хариуцдаг байжээ. Багшийнхаа олоод ирсэн ангийн охидыг хөөрхөн, муухай гэж гололгүй бөөн баяр болон хүлээн авдаг байсан гэдэг. Ингэж хоёр ангийнхан шефлэхэд хосоо олоод авах сэргэлэн нэгэн байх. Хэд хэдэн хос тэрхэн зууртаа үерхэж нөхөрлөж байсан нь оюутан ахуй цагийн дурсамж болон үлджээ.

Чөлөөт бөхийн ангийн хөвгүүд мэдээж хэрэг дөрвөн жилийг хоорондоо ноцолдож өнгөрөөсөн байж таараа. Бэлтгэлийн үеэр нэгийгээ давахын хүсэлд дийлдэн тэмцэлддэг мөртлөө хичээлийн бус цагаар нэгэндээ жигтэйхэн хайртай болчихсон байдаг байжээ. Ер нь гадны, өөр ангийнхнаас нэгийгээ учиргүй өмөөрнө. Ганц нэгээр нь явж байхад дээрэлхэх гэвэл олуулаа яваад очно. Гэхдээ гар зөрүүлэхгүй. Сүрийг бадруулж, нөгөө хэдийнхээ зүрхэнд шар ус хуруулчихаад л яваад өгчихдөг байжээ. Ер нь спортын аль нэг төрлөөр хичээллэж байгаа хүмүүс юун түрүүнд зодолдох гээд байдаггүй, аливаа маргааныг зөвөөр шийдвэрлээд сурчихдаг гэсэн. Харин нэгдүгээр курсээсээ хоорондоо, дараа нь сургуулийнхаа хэмжээнд ноцолддог байсан бол гуравдугаар курст орох жилээсээ улсын наадамд зодоглож эхэлсэн түүхтэй. Улсын наадам болон энд тэндхийн барилдаанд гайгүй гэсэн залуусаа ноцолдуулна. Заалны барилдаануудыг ер нь алгасдаггүй байжээ. Мөн төрөлх аймаг, сумынхаа наадамд очиж барилддаг байсан түүхтэй. Цолонд түрүүлж хүрсэн нь Ш.Жаргалсайхан. Тэрээр гуравдугаар курст орох жилийнхээ зун Завхан аймгийнхаа наадамд очиж ноцолдоод начин цол авсан гэнэ. Оюутан байх дөрвөн жилийн долдугаар сарын 12-ны оройг ангийнхан руугаа утас цохиж өнгөрүүлнэ. “За чи яав хө. Би гурвын даваанд уналаа. Тэр намайг амалж авлаа. Нөгөө хэдээс сураг байна уу. Манай нөгөө ангийн тэр манай нутгийнх юм байна. Аймагт ирж ноцолдоод овоо хэдэн даваа авчихлаа” гэхчлэн ярина. Оюутан байхаасаа ноцолдсон хөвгүүдээс одоо улсын цолтон хоёр төрчихсөн. Энэ жилийн наадамд үзүүрлэсэн улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын өсөх идэр начин Э.Энхбат хоёр тус ангийн бахархал. Наадам дөхөөд ирэхээр нөгөө хоёрын бэлтгэл хэр хангагдаж байгаа юм бол гээд чих тавин суудаг гэсэн. За тэгээд наадмын өмнөх орой барилдах хоёроосоо дутахгүй догдлон нойр нь хулждаг ажээ. Багаасаа бие биенээ мэдэх болсон нэг ангийнхан учраас давахад нь хамт хөөрч, өвдөг шороодоход нь хамт унаж иржээ. 2011 онд Ш.Жаргалсайхан, Э.Энхбат хоёр хамтдаа улсын начин цолонд хүрч анги хамт олон төдийгүй “Аварга” сургуулийнхнаа баярлуулжээ. “Өнгөрсөн жилийн наадмаар манай ангийнхан тэр чигтээ ёстой нэг догдолсон байх. Жагаагаа давах бүрт л магнай хагартлаа баярлаж байсан. Эрхгүй догдолдог юм билээ. Гэр гэртээ зурагтаа үзээд сууж байгаа хэрнээ давах бүрт нэг нэгэн рүүгээ залгаж баяраа хуваалцаж байсан” гэж ярив. Аваргуудыг даваа бүрт давсаар үзүүр, түрүү булаалдахаар зүлэг ногоон дэвжээнээ дэвэн дэвсээр гарч ирэхэд харах ч хэцүү, харахгүй байх ч хэцүү болтлоо тэвдэцгээжээ. Ангийн анд нь амжилттай сайн барилдаж, улсын гарьд цолонд хүрэхэд тун их бахархсан талаараа өнөөдөр ам булаалдан ярьж байна.

Тэдний оюутан насны дурсамж дандаа л бөхтэй холбоотой байх юм. Хоёрдугаар курст байхдаа ангийнх нь гайгүй сайн барилддаг таван залуу нийлж аваад Дарханд болсон тэмцээнд зодоглохоор явжээ. Дарханчууд ургацын баяраа хийгээд бөх барилдуулсан юм байх. Түрүүлсэн бөхийг хөгжмөөр шагнана гэдгийг дуулсан хөвгүүд уухайн тас явцгаажээ. Залуу насны дэврүүн сэтгэлээр очоод бүгдийг нь хага шидэх юм бодож явсан гэнэ. Тэгсэн нутгийн бөхчүүдэд бүгдээрээ өвдөг шороодчихож. Барилдаанаа дуусгачихаад буцах гэтэл унааны мөнгө үлдээгүй байна. Хөгжим өвөртлөөд буцна гэж байсан залуус харих ч мөнгөгүй болоод аргаа барахдаа галт тэргэнд “туулайчилж” хотод ирж байжээ.

Спортоор амьсгалсан ангийнхан өнөөдөр салбар салбарт амжилттай ажиллаж байна. Улсын цолтой хоёр бөхөөс гадна дөрвөн аймгийн арслантай. Сүхбаатар аймгийн хурц арслан Б.Батжаргал, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат аймгийн арслан Ц.Нямдорж, Сэлэнгэ аймгийн арслан А.Амараа, Орхон аймгийн арслан Б.Ганхүү нарын “аваргууд” үндэсний бөхөөрөө барилдаж буй. Мөн Спортын төв ордны багш Батнаран тус ангийнх. Бусад нь голдуу хувийн бизнес хийж байгаа ажээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Т.Санчир “Баянгол шонхрууд” багт 70 сая төгрөгөөр зарагджээ

Монголын спортын түүхэнд олимпийн топ дөрөв гэж нэрлэдэг чөлөөт бөх, жудо, бокс, буудлагаас өөр спорт байхгүй мэт их л удлаа. Гэтэл өнгөрөгч зууны 70-аад оны дунд үеэс эхлэн хүүхэд, залуусын дунд хөлбөмбөг болон сагсан бөмбөгийн спорт дэлгэрч өөрийн гэсэн хөгжөөн дэмжигчтэй болоод нэлээн хэдэн жил болсон шүү дээ. Үүнийг нь төрийн хэмжээнд нэг их анзаарч хараагүй л болохоос. Харин өнгөрсөн зун зохиогдсон зүүн Азийн наадам Монголд багийн спорт хөгжих боломжтой гэдгийг харуулав. Үүний тод томруун жишээ нь сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багуудын гаргасан амжилт билээ. Тэд өчигдөр л огцом сайжирсан уу, эсвэл угийн л энэ амжилт руу дөхөж явсан уу, цаашид энэ амжилтаа хэрхэн бататгаж, илүү хөгжүүлэх вэ гэдэг асуудал багийн удирдлагуудын өмнө байгаа.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохиодог супер лигийн тэмцээн эхлээд арав гаруйхан хонож байна. Тэмцээн эхлэхээс өмнө багуудын хооронд тамирчдын шилжилт хөдөлгөөн явагдсан. Нэг ёсондоо шилдэг тамирчдыг наймаалцсан гэсэн үг. Энэ жилийн хамгийн өндөр үнийг олон улсын хэмжээний мастер Т.Санчир тогтоолоо. Тэрээр өнгөрсөн жилийн лигийн тэмцээнд “SBL Хасын хүлгүүд” багт тоглож үнэ цэнэтэй тамирчнаар шалгарч байсан. “Хүлгүүд” багийн шилдэг тоглогч энэ жил “Баянгол шонхрууд” багт хүчээ өгч байгаа. Түүнийг лигийн улирал эхлэхийн өмнөхөн өөр багт тоглох эсэх тухай яриа сагсан бөмбөг сонирхогчдын дунд түгээд байлаа. Супер лигийн тэмцээн уг яриаг баталж Т.Санчир өөрийн хуучин багаа орхиж “Баянгол шонхрууд”-д хүчин зүтгэж байна. Тэрээр шинэ багтайгаа хоёр жилийн гэрээ байгуулсан бөгөөд 70 сая төгрөгөөр зарагджээ. Тамирчнаа зарсан баг тухайн мөнгөнөөс нэг ч төгрөг авахгүй. Татвар, шимтгэл ч өгөхгүйгээр тэр чигтээ Т.Санчирт очиж байгаа. Мөн түүнд Японы лигт тоглох урилга ирсэн гэх мэдээлэл бий. Энэхүү санал одоогоор аман яриа төдий байгаа бөгөөд тэдний санал, гэрээнийнөхцөл таалагдвал арлын орныг зорихыг үгүйсгэхгүй юм. Манайдаа л хамгийн үнэтэй зарагдсанд тооцогдож байгаа тэрээр шинэ багтаа ирснээс хойш супер лигийн тэмцээний гурван тоглолтод оролцсон. “Ирвэсүүд”-тэй хийсэн эхний тоглолтод 27, “Арслангууд”-тай тоглоход 26 оноо авсан. Харин “Төв ургац” багтай тоглоход 50 оноо авч энэ улирлын дээд амжилтаа тогтоосон билээ. Т.Санчирын тоглолтод багийн удирдлагууд сэтгэл хангалуун байгаа нь мэдээж. Гадаадаас өндөр үнэ цохиж авчирсан тамирчид ч одоогийн байдлаар нэг тоглолтод 50 оноо аваагүй байгаа юм. Багийн эзэд ч түүнийг иймэрхүү тоглолт гаргана гэсэн итгэл хүлээлгэн хоёр жилийн гэрээ байгуулсан нь оножээ.

Легионер тоглогчдын тухайд тэд манай улсад ирэхдээ сонгон шалгаруулалтад ордог болсон. Нэг үгээр хэлбэл хэн дуртай тамирчин манай улсын лигт тоглохгүй гэсэн үг. Лигт тоглож буй нэг багт гурваас илүү гадны тамирчин байхыг зөвшөөрдөггүй. Тиймээс одоогийн байдлаар баг тус бүр нэгээс хоёр легионертой байгаа юм. Гадны тамирчид зургаан сарын турш манай улсын лигт тоглохдоо сар бүр дунджаар 1500-3500 ам.долларын цалин авдаг. Дээрээс нь Монголд амьдрах байрны төлбөрийг тухайн багийн эзэн хариуцна. Өнгөрсөн жил “Дорнод танан гарьд” багт хүчин зүтгэсэн Вүүдс легионеруудаас хамгийн өндөр цалин буюу сард 3000 ам.доллар халаасалдаг байлаа. Түүний амжилтыг энэ жил “Бүргэдүүд” багт тоглохоор ирсэн Карлделл Жонсон эвджээ. Тэрээр багаасаа сар бүр 3500 ам.долларын цалин авч байгаа. Легионер тамирчид манай улсын лигт тоглох болсноос хойш тамирчдын ур чадвар нэмэгдэж байгаа гэдэгтэй олон хүн санаа нийлнэ. Дасгалжуулагч, багш нарын сургаагүйг гадны тамирчид зааж байгаа гэж хэлж болох юм. Нэг ёсондоо Монголын сагсан бөмбөгт бодитой хувь нэмрээ оруулж байгаа. Тэднийг хаа холын Америкаас, өндөр цалин амлан авчирч байгаа багийн эздэд талархах учиртай.

Харин манай тамирчид хэдэн төгрөг авдаг нь олны сонирхлыг татах нь баараггүй. Лигийн тэмцээнд өрсөлдөж буй багийн тамирчид дунджаар сар бүр нэг сая төгрөгийн цалин авч байгаа. Аль багт, ямар байрлалд, ямар үүрэгтэй тоглохоос хамаарч харилцан адилгүй байх нь ойлгомжтой. Зарим багийнхан зөвхөн тэмцээний үед тамирчдаа цалинжуулдаг бол гэрээнийхээ хугацаанд буюу бүтэн жилийн турш цалинжуулдаг баг ч бий. “SBL хасын хүлгүүд” багийн тамирчид тэмцээнтэй, тэмцээнгүй гэлтгүй жилийн дөрвөн улиралд сар бүр 1.2 сая төгрөгийн цалин авдаг гэнэ. Мөн тус багийн эзэн өнгөрсөн жил Б.Билгүүнтэй 15 сая төгрөгийн гэрээ хийж байжээ. Уг гэрээ нэг жилийн хугацаатай байсан. Тэгэхээр энэ жил мөн л иймэрхүү хэмжээний мөнгө халааслах биз. Тамирчдаа чамгүй өндөр үнээр үнэлдэг багийн тоонд “Дорнод танан гарьд” зүй ёсоор багтана. Хоёр жилийн өмнө л гэхэд багийнхаа гол тоглогч болох Ихбаяр, Ууганбаяр, Мөнхболд нарт хоёр өрөө орон сууц авч өгөн гэрээ хийж байлаа. Тамирчид ийн гэрээ хийхэд ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй учраас хөдөлмөрийн гэрээ төдийхөн зүйл дээр гарын үсэг зурдаг ажээ. Тиймээс өөр баг илүү мөнгө амалвал өмнөх гэрээгээ шууд цуцалчихдаг гэсэн. Ингэж багийн эздийнхээ итгэлийг алдах тохиолдол гардаг учраас сагсан бөмбөгт хөрөнгө оруулж буй хүмүүс хэдхэн жил болоод солигддог юм байна. Тэгвэл сагсан бөмбөгийн оргил ертөнц NBA-д бизнес хэрхэн эргэлддэг,сагсан бөмбөгчид багийн эзэд, арилжаа наймаа хэрхэн өрнөдөг вэ гэдгийг сонирхоё.

Жеймс Нейсмит 1891 онд сагсан бөмбөг хэмээх спортыг сэдэж оюутнуудын зугааг гаргаж байсан тэр үе ба өнөөгийн хооронд дүрмийн хувьд том ялгаа байхгүй ч арилжаа наймаа, цалин пүнлүү, зар сурталчилгааны хувьд асар өөр ертөнц болтлоо өөрчлөгджээ. Америкт сагсан бөмбөг мэргэжлийн гэдэг тодотголтой болж лиг байгуулагдаж байх үед тамирчид сардаа 970 ам.доллар буюу жилдээ 6-7 мянган ам.долларын цалинтай байсан бол өнөөдөр хамгийн бага цалинтай сагсчин хоёр сая ам.долларыг жилдээ халаасалж байх жишээтэй. Сагсан бөмбөгчдийн шилжилт хөдөлгөөн багаа солих, зодог тайлах зэрэг нь нарийн хууль дүрмийн дагуу үйлдвэрчний эвлэлтэйгээ зөвшилцсөн горимоор явагддаг. Ямар ч сагсан бөмбөгч бие даан ганцаараа “Би цалингаа нэмүүлье, би өөр баг руу явъя” гэж ярьдаггүй юм байна. Иймэрхүү үйлдлүүдийг зөвхөн итгэмжлэгдсэн агент нь хийдэг ажээ. Сагсан бөмбөгийн үйлдвэрчний эвлэлээс лиценз авсан хуулийн боловсролтой иймэрхүү агентууд өөрийнхөө үйлчүүлэгчийн бөмбөг тоглохоос бусад бүх асуудлыг шийддэг бөгөөд өвдвөл яах вэ, бэртвэл яах вэ, гэр орон, унаа тээвэр, авгай хүүхдийн ажил төрөл гээд бүхий л асуудлыг хариуцдаг. Ийм учраас тийм хүмүүс үйлчлүүлэгчийнхээ гэрээний 2-4 хувийг шимтгэл гэж авдаг юм байна. Мэдээж сагсан бөмбөгчид нэг багаас нөгөө баг руу явахдаа хэдэн ам.доллараар зарагддаг бол гэх асуудал гарч ирнэ. Гэхдээ сагсан бөмбөг хөлбөмбөгийг бодвол нэг онцлогтой. Учир нь сагсчид богино хугацаанд гэрээ байгуулдаг ба энэ гэрээнийхээ сүүлчийн жилийг худалдаж аваад өөр баг руу илүү өндөр цалинтайгаар явж болдог. Хөлбөмбөгчид нэг багт очсон даруй тэр багийнхаа амьд бараа болж өөрийн мэдэлгүй болдог бол сагсчдын хувьд арай өөр. Тэд дээд тал нь 3-4 жилийн гэрээ байгуулдаг тул өөр баг руу мөнгөөр зарагддаггүй, ихэвчлэн солилцоо маягаар өөр тамирчинтай ч юм уу, драфтын дугаараар ч юм уу арилжаалагддаг ажээ. Нэг жишээ татъя. Энэ жил Леброн Жеймс “Майами”-гаас төрөлх “Кливлэнд” рүүгээ буцлаа. Леброн анх “Майами”-д ирэхдээ цалин бодсонгүй, аваргын титэм л зүүдэлж ирсэн. Тийм ч учраас урьд авч байсан цалингаасаа хамаагүй бага мөнгөтэй гэрээ байгуулж байна. Учир нь түүний очсон баг олон сайн тоглогчтой. Тэд ч бас өндөр цалин авдаг байсан тул тэр их мөнгө нэхэж чадаагүй. Тийм боломж ч байхгүй. Учир нь NBA-гийн дүрэм ёсоор нэг багийн нийт сагсчдын цалин тодорхой нэгэн түвшингээс илүү гарах ёсгүй гэж байдаг тул яалтай ч билээ. Тэгээд тэр багтайгаа Леброн хоёр удаа аварга боллоо. Одоо29 настай Леброн амьдралаа бодох хэрэгтэй болсон тул хуучин баг руугаа хамгийн өндөр цалинтай гэрээ хийгээд буцаж байна. Хэдийгээр түүний “Майами”-тай хийсэн гэрээ дуусахад нэг жил дутуу байгаа ч гэлээ тэдний хуулиар сүүлчийн жилийнхээ гэрээг буцааж худалдаж авч болдог юм билээ. Ингээд л тэр чөлөөт сагсчин болжээ. Түүний агент “Кливлэнд”-ийг сайн шантаачилж хоёр жилийн хугацаатай 42.1 сая ам.долларын гэрээ байгуулсан байна лээ.

СУПЕР ЛИГ ХЭРХЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА ВЭ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй супер лигийн тэмцээнд долоон баг оролцож байгаа. “Баянгол шонхрууд”, “Монторх”, “Vаlvoline”, “Төв ургац”, “Чингис сити”, “Ирвэсүүд”, “Лидерүүд” багууд одоогийн байдлаар өрсөлдөж байна. “Баянгол шонхрууд”-ыг бодвол бусад нь тийм ч чанга өрсөлдөгч биш. “Монторх” гэхэд өнгөрсөн жилээс л лигийн тэмцээнд оролцож байгаа харьцангуй туршлага багатай баг. “Valvoline”-ы дасгалжуулагч мөн л туршлагатай муутай. “Төв Ургац”, “Чингис сити” багууд энэ жил анх удаа лигт толгож байна. “Ирвэсүүд” багийг харин Ц.Цэвэрбал гавьяат дасгалжуулж байгаа. Тэрээр багтаа “Баянзүрх Буллс”-ын зарим тоглогчдыг урьж авчирсан ч гэлээ одоогоор олигтой гар нийлж тоглолтдоо орж чадахгүй байна. “Лидерүүд”-ийн тухайд лигийн тэмцээнд гурван ч удаа аваргалж байсан. Энэ удаад харин дандаа шинэ залуу тоглогчдоор “цус сэлбэжээ”. Тэднийд О.Очирбат, Г.Чинбат, О.Дөлгөөн, О.Цэлмэг нарын залуус тоглож байгаа бөгөөд ирэх жилийн оюутны “Универсиад” наадамд оролцох юм.

Лигийн тэмцээнийг тун сонирхолтой болгох “Дорнод танан гарьд”, “SBL Хасын хүлгүүд”, “Харцага”, “Ригс”, “Аравтууд” багийнхан супер лигийн тэмцээнд оролцсонгүй. Хоёр холбооны үл ойлголцол, маргаанаас болоод лигийн тэмцээн хоёр хуваагдчихаад байгаа. МҮСБХ-ны зүгээс дээрх таван багийн эздэд хандан зөвшилцөх, улмаар супер лигт оролцохыг уриалж өчигдөр 18 цагт уулзалт хийхийг товлоод байсан. Гэвч аль ч багийн эзэн тэдний уулзалтыг тоож очсонгүй. Тиймээс ирэх сарын 21-нд эхлэх дээд лигт тоглохоор болжээ. Дээд лигийн тэмцээнийг Монголын сагсан бөмбөгийн холбооныхон 20 жилийн ойн өдрөө буюу арванхоёрдугаар сарын 21-нээс эхлүүлэхээр төлөвлөчихөөд байгаа. Харин заалны асуудал шийдэгдээгүй байгаа юм байна. Жил бүрийн лигийн тэмцээн зохиогдож ирсэн Спортын төв ордоны зүгээс ирэх оны түрээсийн гэрээг ямар нэгэн спортын холбоодтой байгуулаагүй байгаа ажээ.

Д.БАТЭРДЭНЭ

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.УРАНБИЛЭГ: “Гоёл” наадам жил ирэх бүр чанаржиж байгаа

Топ модель Ч.Уранбилэгтэй ярилцлаа.

-Монголын загварын ертөнцийн хамгийн том наадам “Гоёл” удахгүй болох нь. Та өнгөрсөн жилийнхэд оролцоогүй. Энэ жил тайзан дээр гарах уу?

-Өнгөрсөн жил хувийн ажил ихтэй байсан болохоор “Гоёл” наадамдаа оролцож чадаагүй. Зарим топууд маань өнгөрсөн жил хүүхэд гаргасан учраас “Гоёл”-ын тайзан дээр гараагүй. Харин энэ жил олонх нь оролцох байх. Ер нь “Гоёл” наадам топ моделиуд төдийгүй загварын ертөнцтэй холбоотой бүх л хүний хувьд хамгийн их хүсэн хүлээдэг наадам байдаг. Миний хувьд “Гоёл-2015”-д оролцох гээд догдлон хүлээж байна.

-Та “Гоёл-2010”-ын топ моделиор тодорч байсан. Тэр жилийн “Гоёл”-ыг эргээд дурсахгүй юу?

-Яг шагнал авсан мөч үнэхээр гоё байсан. Хэзээ ч мартагдахгүй байх. Одоо ингээд тэр үеийг санахад өчигдөр болсон мэт тод санагдаж байна. “Энэ жилийн топ моделийн эзэн Ч.Уранбилэг” гээд зарлахад чихэндээ итгээгүй. Уг нь өөрийнхөө нэрийг сонсчихоод байдаг. Гэвч хөөрч догдолсондоо буруу сонсчихсон байх вий дээ гэж эмээгээд шуудхан яваад оччихож чадаагүй. Хажууд зогсож байсан загвар өмсөгчид гар, гар гэхэд нь л очиж шагналаа авсан. Тэр өдөр би ямар их баярласан гээч. Шөнө нь орондоо хэвтээд байгаа хэрнээ нойр хүрэхгүй байсан. Миний амьдралд хөөрч баярлах өдөр олон байсан л даа. Гэхдээ шөнөжин унтахгүйгээр баярлаж үзээгүй.

-Хэдэн оноос эхлэн “Гоёл”-д оролцож эхэлсэн юм бэ?

-Би 1998, 1999 оноос “Гоёл” наадамд оролцож эхэлсэн. 2000 оны наадам “Бөхийн өргөө”-нд болж байсан. Тэр үед би 15 настай байлаа. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл “Гоёл” наадамд оролцох гэж догдлон хүлээдэг хэвээрээ байна. Анхны “Гоёл” наадамд есдүгээр ангийн хүүхэд байхдаа оролцож байсан.

-Тэр үед загвар өмсөгчийн агентлаг одоогийнх шиг элбэг байсангүй. Яаж яваад загвар өмсөгч болов?

-Санамсаргүй, бас азтай тохиолдлоор загварын ертөнцтэй холбогдсон. Би 31 дүгээр сургуулийн сурагч байлаа. Тавдугаар ангид байхдаа нэг өдөр хичээлээ тараад ахынхаараа оров оо. Манай бэр эгч үеийнхээ бүсгүйтэй юм яриад сууж байна. Нөгөө эгчдээ намайг танилцуулаад миний биеийн өндөр, загвар өмсөх дуртай эсэхийг асуулаа. Тухайн үед би ангидаа нэлээн өндөртөө ордог байсан. Зурагтаар Синди Кроуфорд, Клаудия Шифферийг хараад ямар гоё юм бэ гэж мөрөөддөг байлаа. Тэгтэл эгчийн найз бүсгүй “Үнсгэлжин” наадмыг зохион байгуулдаг, Монголын хүүхдийн ордоны загварын дугуйлангийн багш Нармандах байж таарсан. Жаахан охин байхдаа “Үнсгэлжин” наадамд ингэж л оролцсон. Гэрийнхэн маань их дэмжинэ. Усны хувцас авч өгөөд л, нүүр будаж, үс янзлаад л. Харин дараа нь Хүүхдийн ордоны дэргэдэх загварын дугуйланд явж эхэлсэн. Одоогийнх шиг 45 хоног хичээллээд өнгөрөхгүй. Бүтэн жилийн турш хувцас загвартай холбоотой олон төрлийн хичээл үздэг байлаа. Дугуйланд явж эхэлснээсээ хойш хоёр дахь жилдээ “Үнсгэлжин” наадмаас “Ирээдүйтэй модель” шагнал авсан. Түүндээ их урамшиж загварын ертөнцтэй холбогдсон доо.

-“Гоёл” наадмын топ модель болохоосоо өмнө тэргүүн дэд байрт шалгарч байсан байх аа?

-Тэгсэн. 2005 онд дэд тэргүүн байр эзэлж байлаа. Топ модель гэдэг бол загвар өмсөгчдийн оргил амжилт байдаг. Миний өмнөх жил О.Уянга топ модель болж байсан. Ер нь топ модель тийм ч олон биш. Арав гаруйхан байгаа. Хэдэн мянган загвар өмсөгчдийн дундаас шалгарч топ гэдэг цолыг авч байгаа болохоор их нэр хүндтэй шагнал. Тэр хэрээр бидэнд хариуцлага ирдэг.

-Хариуцлагын хэрээр хэл ам бас их байх юм?

-Монголд гэлтгүй дэлхий даяар загварын ертөнц хэл ам ихтэй байдаг. Өрсөлдөөн ихтэй болохоор тэр байх л даа. Гэхдээ олны ярианаас, бусдынхаа хэл амнаас тэгтлээ төвөгшөөж байсангүй.

-Нэгнийхээ хувцсыг урдаг, гутлынх нь өсгийг хугалдаг гэх яриа бий. Тайзны ард иймэрхүү зүйл их тохиолдох уу?

-Яг үнэндээ наадах чинь огт худлаа яриа шүү дээ. Гадны кинон дээр л тиймэрхүү зүйл гардаг байх. Түүнээс биш бодит амьдрал дээр, тайзны ард тийм зүйл болж байхыг харж байгаагүй. Ихэнх нь найз нөхөд болчихсон байдаг. Гутлынхаа өсгийг хугалаад, даашинзаа уруулчихсан зогсоо нэг ч загвар өмсөгчийг харж байгаагүй юм байна. Ер нь загварын ертөнцтэй холбоотой таагүй яриаг биднийг огт танихгүй хүмүүс л гаргадаг. Гаднаас нь хараад олон эмэгтэйчүүд байгаа юм чинь дотроо юм юм л болдог байх гэж бодоод элдвийг зохиодог шиг байгаа юм. Тайзан дээр, олны нүдэн дээр ил өрсөлддөг.

-Топууд ихэнх нь загварын агентлаг байгуулдаг. Таны хувьд?

-Тийм мөрөөдөл надад байхгүй. Миний ганц дуртай зүйл загварын ертөнц. Гэхдээ шавь нараа бэлдээд загварын агентлагтай болъё гэж бодохгүй байгаа.

-Энэ жилийн “Гоёл” наадам хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Бэлтгэл хэр хангагдаж байгаа вэ. Ер нь биеийнхээ галбирыг яаж баридаг вэ?

-Энэ жилийн “Гоёл-2015” наадам энэ сарын 26-нд эхэлнэ. Долоохон хоног үлдсэн байна. Сүүлийн үед загварын долоо хоногоор эхэлж байгаа. Энэ жил ч бас загварын долоо хоног болно. “Blue sky”-д загвар зохион бүтээгчид маань шилдэг бүтээлээ олонд танилцуулна. Харин шилдгийн шилдгийг шалгаруулах гран-при наадам ирэх сарын 3-нд Соёлын төв өргөөнд болох юм. Миний хувьд “Гоёл” наадамд хувийн бэлтгэлээ хангаад оролцоно. Энгийн үед биеийн галбираа үргэлж хадгалж байдаг. Ялангуяа топ моделийн нэрийг дааж яваа хүн өөртөө байнга анхаарах ёстой. Усан бассейнаар хичээллэдэг. Хоолны дэглэм харин тэгтлээ бариад байхгүй дээ.

-Тухайн жилийн “Гоёл” наадмын дараа юу болдог юм бэ?

-“Гоёл” наадам загвар өмсөгчид, загвар зохион бүтээгч, загварын холбоо, агентлагийн хувьд жилийн хамгийн чухал өдөр нь байдаг. Жил, жилийн топ моделиуд маань “Гоёл” наадмаараа уулзаж сонин хачнаа бас ярина. Наадмын дараа хүлээн авалт болдог юм. Шинэ топдоо баяр хүргэнэ. Удаан уулзаагүй хүмүүс нэг үдшийг баярлаж өнгөрөөдөг.

-Сүүлийн үед “Гоёл” наадмын талаар загвар өмсөгчид янз бүрээр л ярьж байна. Оролцвол заавал Мянганбаяртай холбогдох хэрэг гарна гэж ч ярих юм?

-Тэр бол хувь хүний л бодол байх. Топ модель болж чадаагүй хүмүүсийн гаргасан яриа болов уу. Яг үнэндээ “Гоёл” наадам жилээс жилд сайжирч байгаа. Зохион байгуулалтын хувьд ч, оролцож байгаа загвар зохион бүтээгчид, загвар өмсөгчдийн хувьд ч ялгаагүй. Улам сайжраад байгаа шүү дээ. Шүүлтийн тухайд аль нэг хүнтэй холбож ярьж болохгүй ээ. Топ модель болж байгаа загвар өмсөгчид олон жил загвар өмссөн, хөдөлмөрлөсөн хүмүүс байгаа шүү дээ. Олон жилийн хичээл зүтгэл, шантрахгүй явж байгаа зоригийг ингэж үнэлэх зохимжгүй.

-Топ модель болсныхоо дараахан морь уяна гэж ярилцлага өгч байсан. Морио уяж байна уу?

-Тэр ташаа ойлголт байсан юм аа. Нэг ярилцлага авсан сэтгүүлч моринд дуртай юу, морь руу орох бодолтой юу гэж асуухаар нь тиймээ л гээд хэлчихсэн. Тэгсэн чинь морь уяна гээд гарчиглачихсан. Түүнээс биш миний морь уяна гэж юу байхав дээ. Монгол хүн юм чинь морь малд хайртай л байж таараа.

-Бас эмэгтэйчүүдээс нэлээн хол барилгын салбарт ажилладаг гэсэн. Хэвээрээ юу?

-Хүн хүнд дуртай ажил гэж байдаг даа. Би дуртай юмаа л хийж байгаа. Барилгын засвар хийгээд тав, зургаан жил болж байна. Дотоод засал чимэглэл хийдэг компанитай. Уг нь анх барилгын дизайн, интерьер хийнэ гэж бодож байгуулж байлаа. Ажлын явцад засвар руу орчихсон. Интерьерээ бараг хийж байгаагүй юм байна.

-Ажил хэр байх вэ. Захирал нь топ модель гэдэг утгаараа танай компанийг илүү сонирхдог болов уу?

-Ажил бол ажил шүү дээ. Яахав найз нөхдийн захиалга орж ирнэ. Өмнөх захиалгаа цагт нь амжуулах гэж шаргуу зүтгэдэг болохоор гадны саналыг тэр бүр авч амждаггүй юм.

-Таныг нэг хэсэг Ким Инхагийн дүрээрээ алдартай Солонгосын жүжигчинтэй найзууд гэж шуугисан?

-“Гоёл-2010” наадмын топ модел болсныхоо дараа Сөүлд болсон “Asia model festival award” наадамд оролцсон юм. Азийн 13 орны төлөөлөл оролцсон, өргөн цар хүрээтэй наадам. Ким Инхад тоглосон Ли Бүн Хён гран-при шагналыг нь авч байлаа. Би “Asian star model” шагнал авсан. Энэ наадмын хүлээн авалт дээр Солонгосын алдартай жүжигчинтэй хамт суугаад зургаа авахуулсныг ташаа ойлгочихсон байна лээ.

-Гэр бүлтэй болж байна уу?

-Би нөхөртэй. Сайхан монгол залуу бий. Ойрын үеийн төлөвлөгөөнд хүүхэд бий. Нэг их удахгүй хүүхэдтэй болно гэж бодож байгаа.

С.АЛТАНЦЭЦЭГ