Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий боловсролын сургуульд уйгаржин монгол бичиг заахгүй байсан нь дээр

Сүүлийн үед уйгаржин монгол бичгийг үндэсний бичиг болгоно гэж хэт туйлшраад эхэллээ. Улсын их хурлын монгол хэлний тухай хуулийн төсөл дээр “Өмчийн бүх хэлбэрийнерөнхий боловсролын сургуулийн сурагцагсдад үндэсний монгол бичгийг зургадугаар ангиас эхлэн төгсөх хүртэл хугацаанд тусгайлсан хөтөлбөрөөр тасралтгүй заана”. Бас “Их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалт болон төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэгээс доошгүй хэсэг нь үндэсний монгол бичгийн мэдлэгийг үнэлэхэд чиглэнэ” гэсэн заалт оруулж байна. 2020 оноос эхлэн Монгол Улс хос бичигтэй болно гэсэн амьдралд нийцэхгүй хуулийг хэлэлцээд дээр дороо орж байгаа харагдах юм. Албан байгууллагууд гаднах хаягаа уйгаржин бичгээр бичихгүй бол үйл ажиллагааг нь зогсооно гэх юм. Ингээд хувийн хэвшлийнхэн хаалгаа баривал ард түмнийг хэн тэжээх вэ. Эмэгтэй гишүүдийн санаачилсан хууль болгон ийм айхтар, эвгүй заалттай гарч байна.

Улс орон урагшаа хөгждөг болохоос хэзээ хойшоо алхаж байсан юм бэ. Уйгаржин мон­гол бичиг сурвал Монголын утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн “Хуу­чин хүү” өгүүллэгт гардагчлан хөмөрсөн тогоон дор буй мэт амьдарна. Монголдоо хайртай, үндсэрхэг, эх оронч гэхэд энэ арай хэтэрнэ. Генри хаан “Чи энэ ард түмнийг мунхаг байлга. Би энэ улс орныг ядуу байлгая. Тэгвэл чи бид хоёр удаан засаглана” гэж хамба ламдаа хэлж байсан юм гэнэ билээ. Яг үүнтэй адил үндсэрхэг үзлийг нь далимдуулаад байна. Зориуд үндсэрхэг үзлийг нь дэврээн буцалгаж байгаад дагуулж тонгорно гэгчээр ийм хэрэггүй хууль хэлэлцэж эхэллээ. Уйгаржин монгол бичгийг зургадугаар ангиас заана, 2020 оноос хос бичигтэй болно гэхийнхээ оронд бүр заахыг нь хориглох хэрэгтэй. Тэрний оронд латин галигаар хэрхэн зөв бичих, интернэт ертөнцөд яаж суралцах, цахим орчинд биеэ хэрхэн зөв авч явах вэ гэсэн хичээлүүдийг түлхүү оруулмаар байна. Ингэж орчин үетэйгээ хөл нийлүүлье.

Сүүлийн үеийн залуучуу­дыг кирилл үсгээр яагаад ийм их алдаатай бичээд байна вэ гэдгийг нэг удаа ч гэсэн бодож үзсэн үү. Энэ манай боловсролын салбарын яг ингэж хийрхсэн, алдаатай бодлогоос үүдэлтэй юм. 1993 онд сургуульд орсон хүүхдүүдэд дөрөвдүгээр анги хүртэл нь монгол бичиг заасан. Кирилл үсгийг тавдугаар ангиас нь заасан байдаг. Үр дүнд нь кириллээр ганц ч үг зөв бичиж чадахгүй залуустай болсон. Яг үүнтэй адил уйгаржин бичигт шилжинэ гэж хийрхцгээвэл ойрын 30 жилдээ ном унших, сонин гарчиглах хүнгүй болно. Ингэж харанхуй, бүдүүлгийн туйл болно. Уйгаржин бичигтэй бол их сайндаа Хөх хотод л очиж хэдэн хаяг унших байх. Өөр ямар ч хэрэггүй. Харин нас биед хүрсэн хойноо их, дээд сургуулийн судлаачдын хэмжээнд уйгаржин бичгийг судалж болох юм. Ер нь Мон­гол Улс байсан цагт монгол хэл мөхнө гэдэг арай хэтэрсэн, амьдралаас тасарсан популизм. Монгол хүн эх хэлээрээ ярихгүй өөр юугаараа ярих билээ. Тэгэхээр үндсэрхэг үзэл гэж хийрхэлгүйгээр, уйгаржин монгол бичгийг ерөнхий боловсролын сургуульд заахгүй байсан нь дээр.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Гологдсон хүлэг “Даян түмний эх” болсон нь

Өнөө цагийн цуутай хурдан хүлгүүдийн манлайд Х.Бат-Эрдэнийн хүрэн морь гарцаагүй бичигдэнэ. Төрийн наадамд дараалан гурав түрүүлж “Даян түмний эх” болсоншандаст хүлгийн тухай морио дээдэлдэг монгол түмэнүлгэр, домог мэт хуучилдаг. Үнэхээр л түүх, домогт мөнхрөхөөсаргагүй хурдан ажнай хүлэг л дээ. Хүрэн мориноос хөлс авч духандаа хүргэдэггүй юмаа гэхэд ойроос ч болов барааг нь харах юмсан хэмээн наадамчин олны бахдан ярихыг сонсох сайхан. Хүрэн морь уг нь хурдны өлгий нутаг Сүхбаатарын унаган адуу. Түвшинширээ сумын Эрдэнэбат гэж залуугийн хүрэн азарганы үр төл юм билээ. Эх нь сайхан хээр гүү байсан гэдэг.Харин хүрэн морь багаасаа бие жижигтэй байжээ. Дааган насанд нь уяж эхэлсэн бөгөөд Сүхбаатарын гурван ч суманд түрүүлж, нэг удаа айрагдаж байжээ. Шүдлэндээ Баянхутаг сумын наадамд түрүүлчихээд байж байтал Л.Эрдэнэцогт эзэн дээр нь ирээд давхар уяагаар Хурхын сангийн аж ахуйн 25 жилийн ойд уралдуулъя гэсээр аваад явсан байдаг. Тэр наадмын морьд дутуу эргээд ихээхэн будлиантай болсон. Гэсэн ч хүрэн үрээ гарааны алтан зурхайгаас ганцаараа бүтэн эргэж тээр хол хурдлан одсон шандаст хүлгүүдийн араас тэнхээ мэдэн хөөсөөр арван нэгээр бариаллаа.

Ингээд эзэнд нь буцаан аваачиж өгчээ. Хүрэн үрээ сүрэгтэйгээ ижилсэн хойтон жилийн хаврын нүүрийг үзэх үед Гантөмөр гэх залуу Сүхбаатараас хурдан хүлэг худалдан авахаар очжээ. Гантөмөр бол Өвөрхангай аймгийн харьяат. Морь сонирхогчдын дунд адууны ченж гэдгээрээ алдартай. Тэрээр хурдны өлгий нутгаас хөл хөнгөнтэй хэдэн адуу хот руу аваачих санаатай очсон байгаа юм. Ингээд учир мэдэх уяачидтай уулзахад өнөөх Л.Эрдэнэцогт хүрэн үрээг зааж өгчээ. Бүр “Зүгээр нэг хурдан адуу биш. Цуутай хурдлах адуу юм шүү. Эзэн нь зөвшөөрдөг юм бол аваад яв” гэж хэлээд Эрдэнэбатынхыг зааж өгсөн гэдэг. Гантөмөр ч яахав наймаанд одтой, хүний арга эвийг олохдоо гаршсан сүйхээтэй эр байсан болохоор тэр шөнөдөө Эрдэнэбатынд давхиад хүрч. Адуунд хайртай эр улсууд таарсныххурдан морины яриа өрнүүлэн адууны тарган мах огтолж , шимийн архи уусан шигээ гурав хоножээ. Гантөмөр тэднийхээс мордохдоо хүрэн үрээг нь хөтлөөд буцсан гэдэг. Хотод ирээд даага, шүдлэндээ түрүүлж, айрагдсан үрээгээ гайгүй шиг үнэ хүргээд зарчих санаатай хэд хэдэн хүнтэй уулзсан байгаа юм. Үзсэн хүн бүр л “Хэ цэс, энэн шиг бяцханадуу уралддаггүй юм. Сумандаа л хурдан юм байгаа биз. Тэртэй тэрэнгүй жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг биз дээ” гээд тоохгүй байв. Удалгүй “шөвгөр” хочит Өлзийд үзүүлтэл заа, зүү болж худалдаж авахаар болов. Зарж байгаа хүн ч дотроо эзэнтэй болгочихлоо гэж бодож байтал хоёр хоногийн дараа утас цохин “Хөгшин нь “хоргой” Батсүх ахад зарах гэж байсан юм. Надаас гайгүй сайн үрээ олоод өг гэж гуйгаад хэдэн сар болж байна. Чиний хүрэн үрээг үзүүлтэл голоод байна” гэжээ. Тэгэхээр нь “Торгоны зам”-ын захирал Ц.Гантөмөрд санал болгосон байна. Ц.Гантөмөр бол улсын баяр наадамд түрүү, айраг авч байсан уяач хүн. Алдарт “Пума хул” азарганы эзэн шүү дээ. “Пума хул” азарга улс, бүсийн наадамд дөрвөн удаа түрүүлсэн хурдан буян. Ц.Гантөмөр хүрэн авахаар тохироод бүр өөрийнхөө сүрэгт нийлүүлэхээр аваад явчихаж. Тэгсэн хэд хоногийн дараа буцаагаад хөтөлж ирснээ “Манай уяачид голоод байна. Арай л жижиг биетэй юм өнчин ишиг шиг ийм юм уу даа гээд байна” гэсээрбуцаагаад өгчээ. Ийн өнөө цагийн нэр алдартай хэд хэдэн хүнд очсон боловч гологдсон хүүхэн аятай хэд хоногийн дараа буцаад ирээд байжээ. Гэсэн ч хүрэн үрээг зарах гэж авсан Гантөмөр ченжийн танилын хүрээ их учраас “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэд санал болгоод амжсан байна. Тэрээр өмнө нь Х.Бат-Эрдэнэтэй наймаа арилжаа хийж явсан болохоор бараг л тулгах шахуу хүрэн үрээгээ өгчээ. Бас ч гэж нүүр бардам очсон гэдэг юм билээ. Учир нь өмнөх жил нь Х.Бат-Эрдэнэд зарсан халзан азарга Алтан овооны даншиг наадамд аман хүзүүдээд байлаа. Тиймээс Х.Бат-Эрдэнэ дээр очоод шуудхан л “Надад гайгүй сайн үрээ байна. Та ав” гээд тулгачихаж. Басхүү тэр хоёрын хооронд багахан мөнгөний өгөө аваа байсан тул тэрийгээ хаачих юм болоод явчихжээ. Харин үрээгээ авахдаа Монгол Улсын манлай уяач, олноо Дугараа хэмээн алдаршсан Б.Бат-Өлзийг дагуулж ирээд хүрэн үрээг үзүүлжээ. Дугараа манлай хүрэн үрээг ганцхан тойрч үзсэнээ “Энэ муу навсайсан жижиг үрээг төрийн наадамд уралдуулна гэж юу байхав дээ. Тэгж ч адууны хомоол хамуулаад яахав. Би уяхгүй” гэчихээд яваад өгчээ.Харин Х.Бат-Эрдэнэ олон сайн хүлгүүдийг нь уяж хурдлуулсан уяачийнхаа үгэнд энэ удаа орсонгүй. Жижиг хүрэн морьны тайван тогтуунтунгалагнүдийг хараад сэтгэлд нь ямар нэгэн зөн совин төрөөд болсонгүй. Тэгээд өөрийн эрхгүй “Би авна аа” гэсэн байдаг. Тэр үед хүрэн үрээ өнгө зүс муутай, ёстой л шар үсэндээ баригдсан амьтан харагджээ. Гэсэн ч цаанаасаа л нэг тийм үгээр хэлэхийн аргагүй дулаахан энерги цацруулаад байх шиг байгааг мэдэрснээр адуун сүрэгтээ аваад иржээ. Хожим Х.Бат-Эрдэнэ тэр тухайгаа дурсахдаа “Миний хүрэн морь надад ирэх л гэж ирсэн хүлэг. Олон хүнд гологдоод байсан юм билээ. Гэсэн ч надад их сонин мэдрэмж төрсөн. Уяач маань аваад хэрэггүй, ийм морь Халхын наадамд уралддаггүй юм гэхэд зүгээр л авмаар санагдаад авчихсан” гэж ярьдаг. Хүрэн морины Х.Бат-Эрдэнэд ирсэн түүхийг сонсохоор үнэхээр л хувь заяа тэднийг нийлүүлж дээ гэж бодогддог юм.

Хүрэн морь Х.Бат-Эрдэнэд ирсэн жил нь 2008 он. Хязаалан насанд нь адуун сүрэгтээ нийлүүлэхэд Дугараа манлай уяагүй юм билээ. Соёолондоо өнгө зүс нь засарч овоо дориун болохоор нь “Уралдуулах л гэж авсан юм чинь, юу ч гэсэн уяад үзнэ ээ” гэсээр уяа сойлгыг нь тааруулжээ. Дугараа манлайн гараар эхний жилдээ уягдаж байхдаа сунгаанд 30, 40 гаргаж давхиад байж. Тэр үед Х.Бат-Эрдэнийн ээж Т.Цэрмаа хүрэн морийг хараад “Сайхан давхих хүлэг байна даа. Миний хүүд буянаа өгөх байлгүй дээ” гэж залбирдаг байсан гэдэг. Т.Цэрмаа гуай бол Монголын морин спортын ууган тамирчдын нэг. Хэдхэн жилийн өмнө Монгол Улсын гавьяатцолоор шагнуулсан морины зүтгэлтэн. Моринд элэгтэй монгол ээжидбас нэгэн зөн бэлгэ байсан л байж таараа.Ээж хүү хоёрын итгэлийг хүрэн морь эхний наадмаас л алдсангүй. Зэрэгцэж мордуулсан олон адууных нь хамгийн горьдлого багатай байсан хүлэг төрийн наадамд наймаар орж ирэн эздээ сандаргаад авчээ. Сандаргасан гэдэг нь учиртай. Х.Бат-Эрдэнэ хүрэн морийгоо тэгж дээгүүр уралдана гэж бодоогүй гэдэг. Гэхдээ л улсын наадамд мордуулсан болохоор дотроо сэмхэн горьдсон л байж таараа. Соёолонгийн уралдааныг үзэх гэж зон олон наадмын ногоон талбайд шавдгийг ч хэлэх үү, морио дагаж байгаа уяачдын олныг хэлэх үү. Түм түжигнэсэн олны дунд ааг амьсгаагүй, сэтгэл дотроо морьтойгоо хамт уралдаж байтал цээжний хэдэн морин дунд хүрэн үрээ нь давхиж явжээ. Цагаан хөтөл өөд шандас мэдэн зүтгэх хүрэн морио хараад Х.Бат-Эрдэнэ нэг хэсэгтээ л сандарсан гэдэг. Цээж рүү нь нэг юм огшоод, нулимс нь дүүрч ирээд л. Дуугаръяа гэтэл хоолой нь зангирчихаад үг хэл эвлэхгүй тийм мэдрэмж мэдэрчээ. Цагаан хөтөлийн хөндий рүү жигтэйхэн хөнгөн ороод ирсэн адуугаа хараад “Жижиг биетэй, хөнгөн адуу аргагүй хурдалдаг юм байна” гэж бодсон гэнэ. Ингэж л эзэндээ, уяачдаа өөрийнхөө ямархан хүлэг болохыг харуулсан хүрэн морь наадмын дараа Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий нийсний 370 жилийн ойн даншигт очиж уралдав. Тэнд аман хүзүүдсэнээр дараа жилийн наадмуудад уралдах дархан эрхийг уяачаасаа авчээ. Эндээс хүрэн морины амжилтууд хөвөрдөг. Дорноговь аймгийн 80 жилийн ойд айргийн тавд, Өмнөговьд болсон хаврын бүсийн уралдаанд аман хүзүү, Ардын хувьсгалын 91 жилийн ойн наадмын түрүү, Төвийн бүсийн даншиг наадмын түрүү, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-VI” уралдааны түрүү, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд түрүүлж “Даян түмний эх” болж монгол түмний бахархалт нэгэн хүлэг болжээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
ардын-цолтон мэдээ спорт

Их аварга Хакухо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол олгоё

Мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал хацу башёд түрүүлснээр Японы эзэн хааны цомыг 33 дахь удаагаа авч түүхэн дээд амжилтын эзэн болов.Ингэж хоёр мянга гаруй жилийн түүхтэй сумогийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосноор дэлхий нийтэд эх орноо сурталчиллаа. Дэлхийн түүхэнд Есүхэйн том хүүгээр Монголыг мэддэг. Одоо болМөнхбатын бага хүүгээр л биднийг мэддэг болж байна гэхэд хилсдэхгүй. Монгол хүний зориг тэвчээр гэж юу байдгийг, юунд хүргэдгийгХакухо М.Даваажаргалын амжилт дэлхий нийтэд харуулсан. Яагаад зориг тэвчээрийн тухай ярьж байна вэ гэхээр сумо бол ерөөсөө л маш өндөр зохион байгуулалттай, хатуу чанга дэглэмтэй спорт. Зүгээр нэг биеэ хөөлгөөд махан бөмбөг болчихсон нөхдийн амжилт гаргах талбар биш. Бэлтгэлийн үеэр тэсвэр тэвчээр алдарсандаа нулимс унагана гэдэг хамгийн энгийн үзэгдэл. Үнэхээр шүд зуун тэвчиж чадсан хүн л сая нэг өндийдөг. Тийм ч учраас дэлхийн өнцөг булан бүрээс сумогийн дэвжээг зорин очсон олон аавын хүү тэсэж гарч чадалгүй шантраад нутаг буцдаг. Дэлхийн эрчүүд барилдах нь бүү хэл, сумогийн ертөнцийн босгыг давж чадалгүй гэртээ харьж байхад Хакухо М.Даваажаргал монгол хүний эр зориг, тэсвэр тэвчээр, хүч чадлыг харуулж түүхэн дээд амжилтыг эвдлээ. Монгол хүн ийм байдаг юм гэдгийг дэлхий нийтэд бахархалтайгаар харууллаа.

Яг нэг сарын өмнө сониныхоо томилолтоор Япон руу явж мэргэжлийн сумод барилдаж буй монгол бөхчүүдтэй ярилцлага хийсэн. Тэр үед хамгийн түрүүнд их аварга Хакухотой уулзаж байлаа. “Миягино” дэвжээн дээр бэлтгэлээ хийж байхад нь урьдчилж тохиролгүйгээр шууд яваад очсон хэрэг.Сумочдын бэлтгэл ямар хүнд хэцүү болохыг тэгэхэд ойлгосон юм. Бөхчүүд зурагтаар гардгаас хэд дахин хүнд бэлтгэл хийж байсан.Нус, нулимстайгаа холилдсон бөхчүүдийг хараад “Яаж тэсдэг байна аа” гэж өөрийн эрхгүй бодогдож байлаа. Хөх махаа чичигнүүлэн зогсоо бөхчүүдийг харж өрөвдөөд арай л сэмхэн уйлчихаагүй.Манай бөхчүүд, тэр дундаа их аварга Хакухо М.Даваажаргал энэнээс ч хэцүүг даван туулсан болохоор өнөөдөр эх орныхоо нэрийг мандуулж байна. Ярилцлага авахаар дэвжээ рүү нь явж байхад Японы “Сумо” сэтгүүлийн гэрэл зургийн албанд 20 гаруй жил ажилласан В.Даваа ах “Урьдчилж тохироогүй ч гэлээ ярилцлага өгчих байх. Сумочид хар багаасаа зовлон үзсэн байдаг болохоор ямар ч өндөр цолонд хүрсэн элдэв зангүй байдаг юм” гэж хэлж байсан. Нээрээ л их аварга маань энгийн сайхнаар хүлээж авсан даа. Жолооч, туслахууддаа “Манай “Өдрийн сонин”-ыхон хүрээд ирчихэж” гэж хэлээд л. Аварга цаанаа нэг элгэмсүү дотно болохоор нөгөө хэдэн туслах нь ч найр тавиад сүрхий байсан. Ярилцлагынхаа үеэр Тайхо аваргыг нутаглуулсан газарт цэцэг өргөхөөр явсан. Тэр үедээ “Тайхо аварга бол сумогийн ертөнцийн аав минь байгаа юм. Барилдаж байхдаа сумогийн дээд амжилтыг эвдэх үү, эвдвэл хүмүүс юу гэх билээ гэж хааяа боддог. Энэ тухайгаа Тайхо аваргаас асуусан. Тэгсэн “Би болон үе үеийн аваргууд дээд амжилтуудад хүрэхийг мөрөөдөж, зүүдэлж явсан. Харамсалтай нь эвдэж чадаагүй. Рекорд гэдэг бол эвдэгдэх гэж байдаг зүйл. Хэрвээ түүнийг эвдэх боломж байвал өөрийгөө бүрэн дайчлаарай. Боломжийг ашигладаг юм шүү” гэж хэлсэн. Энэ үгэнд нь их баярлаад, ямар ч байсан 32 удаа түрүүлж намайг сумод хөтлөн оруулсан таны ачийг хариулна гэж хэлж байлаа” хэмээн ярьсан. Аварга хэлсэндээ хүрч Тайхо аваргын ачийг хариулсан. 32 удаа түрүүлчихээд зогсож байхад мөрөн дээрээс нь хүнд ачаа аваад хаячихсан мэт сайхан болчихсон гэж ярьж байлаа. Харин “Та 33 удаа түрүүлнэ. Энэхүү дээд амжилтаа тэмдэглэж найр хийх үү” гэж асуухад “Хүүе чи яасан хамаагүй ярьж байх юм. 33 удаа түрүүлнэ гэж айхтар итгэлтэй хэлж байх чинь” гээд баахан инээсэн дээ. Тэгснээ “33 удаа түрүүлбэл найр хийхгүй байх аа. Цаана нь 34 дэх, 35 дахь түрүү байгаа байлгүй дээ. Энэ л миний дээд амжилт гээд найр хийгээд байвал найз нөхөд маань байнга надад бэлэг өгөх хэрэгтэй болно. Мөнгө их орно шүү дээ” гэж хошигносон юм. Бас ярилцлагынхаа төгсгөлд “Чи байнга ирээд байж чадахгүй юм чинь 33 дахь түрүү гээд гарын үгсээ зураад өгчихдөг юм билүү. 33 удаа түрүүлсний дараа үнэд хүрэх байх” гэснээ “За больё. Хацу башё эхлээ ч үгүй байхад дэмий юм болж мэднэ” гээд “Хакухо V32” гэж бичээд дурсгал болгон өгч байсан юм.

Ганцхан сарын өмнө 33 дахь түрүүгээ мөрөөдөн ярьж байсан их аварга маань өнөөдөр магадгүй дахиж хэзээ ч давтагдахгүй байж мэдэх түүхэн амжилтын эзэн болчихлоо. Түрүүлчихээд зогсож байхдаа “Хүчирхэг эрийн ард ухаантай эмэгтэй байдаг юм шүү” гэж хэлсэн дээ. Тэр үед аваргын ярьж байсан нь бодогдож байв. “Намайг монголчууд япон эхнэртэй болсон гэж нэг хэсэг янз бүрээр л ярьсан. Магадгүй тэр эмэгтэйн хүчээр би өдий зэрэгтэй барилдаж байгаа ч юм билүү. Спортоор амжилт гаргахад сэтгэл санааны тайван байдал нэн чухал” гэж эр нөхрийн хувиар гэргийгээ өмөөрч байлаа. Бас “Би Японы иргэншилтэй болох тухай бодож байсангүй. Аавтай зөвлөсөн юм ч байхгүй. Гэтэл зарим нэг хэвлэлээр намайг бараг л Японы иргэн болчихсон мэт ярьдаг. Тэрийг нь уншихаар гомдмоор. Намайг түлхээд ч байгаа юм шиг санагддаг. Бүр паспортоо гаргаж үзүүлдэг юм билүү ч гэж бодох юм” гэж гомдолтойхон ярьж байсан даа. Харин өнөөдөр аварга маань эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтууллаа. Хэдхэн жилийн өмнө Асашёорюү Д.Дагвадорж монголчуудад сумог жинхэнэ утгаар нь сурталчилж байлаа. Монголчууд төдийгүй арлын улсын ард түмэнд үндэснийх нь спортыг улам сонирхолтой болгож өгсөн. Аварга маань өнөөдөр барилдаж байсан бол Хакухогийн өндөрлөгт хүрнэ гэдгийг бид мэдэж байгаа. Түүхэн амжилтыг эвдэх бүрэн боломж, бололцоо байсан. Гэвч замаасаа харамсалтайгаар буцсан. Харин их аварга Хакухо одоо ухаалаг байх хэрэгтэй. Ах аваргынхаа алдааг давтаж болохгүй. Япон үндэстнийг, сумогийн их ертөнцийг дээд зэргээр хүндэлдэг байх хэрэгтэй.Японд байхад тэдний ганц бахархал нь Хакухо юм байна даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байсан. Тэр ард түмний хайр, хүндлэлийг дааж явахаа аварга юу юунаас илүүтэй ухамсарладаг байх. Үг хэл, үйл хөдлөлөө хянаж байхын зэрэгцээ хамгийн гол нь барилдаж л баймаар байна. Хакухо М.Даваажаргал барилдаж байна гэдэг дэлхийд Монголын нэр гарч байна гэсэн үг. Япон улсыг мэдэхгүй хүн гэж дэлхийд байхгүй. Энэ улс бол дэлхийн гурав дахь том эдийн засагтай орон.Япон улс гэхээр ямар ч хүнд сумо төсөөлөгддөг. Сумог мэдэж байгаа хүнд их аварга Хакухо л бодогдож байгаа. Харин Хакухогийн цаана Монгол Улс байгаа юм. Ингэж дэлхий дахинд Монголыг сурталчилж, мандуулсан хүүгээ Монголын төр шагна­маар байна. Их аварга Хакухо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол олгоё. Хөдөлмөрийн баатар цолны үнэ цэнэ яг энэ үед л оршино. Яагаад гэвэл монголчуудын ерөнхий үнэ­лэмжийг, Монгол Улсын нэр хүндийг дэлхий дахинд өндөрт өргөж байгаа манай суут хүүхдүүдийн манлай нь тэр юм.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

“Ирэх жилийн өнгө-2015” үзэсгэлэн худалдааны хамгийн үнэтэй хөөрөг 300 сая төгрөг

Сар шинийн баярын өмнө­хөн хөөрөг, үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдаа болдог уламжлалтай. Монголын өв соёлыг хадгалах, таниулах, олон нийтэд сурталчлах гүүр болдог үзэсгэлэн худалдаа “Ирэх жилийн өнгө-2015” нэр­тэйгээр Барилгачдын талбайн баруун талд байх “Арт хаус” төвийн гуравдугаар давхарт үргэлжилж байна. “Арт хаус” төв, “Master jewelry”, “Азийн урлаг” галерей, Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбооноос хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд арав гаруй аж ахуйн нэгж болон хувь хүн оролцож буй ажээ.

Үзэсгэлэнгийн танхим руу орж явтал өөдөөс зөрөх хоёр залуу “Ёстой нүд сэргэж, сэтгэл сэргэмээр сайхан эд байна. Гурав хоногийн дараа ирээд авбал зарагдчих болов уу яах бол” хэмээн ярилцаж байв. Тэр хоёрын нэг нь хөөрөг авах санаатай бүтэн жил болж байгаа гэнэ. Өмнө нь хөөрөг хэрэглэж байгаагүй болохоор ямар хөөрөг авах вэ гэж эргэлзэж байгаа ажээ. Бас хөөргөө танихгүй учраас чулуу муутай хөөрөг өндөр үнээр авчих вий гэж санаа зовж байсан гэнэ. Харин хуурай ахынхаа зөвлөсний дагуу энэхүү үзэсгэлэн худалдааг хагас жилийн турш хүлээж байгаад иржээ. Үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчид нь үнэт эдлэлийн мэргэжилтэнгүүд байдаг болохоор сайн чанарын эд зардаг юм байна. Тэдэнтэй ийн ярилцаад дотогш орлоо. Хөл хөдөлгөөн ихтэй, эрчүүд голдуу байв.

Үзэсгэлэнд шүр, хаш, мана, чүнчигноров, пийсүү, гартаам гээд төрөл бүрийн чулуун хөөрөгнүүд тавьжээ. Хөөрөгнөөс гадна алт, мөнгөн аяга, эмээл, хазаар, XVIII зууны үед зурсан бурхдын хөрөг, даалин, ээмэг, хэт хутга, айрагны хул, идээний цар, таваг, мөнгөн завьяа гэхчлэн үндэсний уламжлалт хэрэглээний эд зүйлс байна. Хамгийн эртнийх нь XVIII зууны эхэн үеийн хөөрөг юм билээ. Цаашлаад ХVIII зууны сүүл, XIX зууны эхэн, дунд, сүүлийн үеийнх болоод өнөө үед урласан ховор, нандин хөөрөг ч байсан. Алдар цуутай хүмүүсийн эдэлж, хэрэглэж байсан хөөрөгнөөс Увс аймгийн Малчин сумын харьяат улсын заан Ө.Тулгаагийн манан хөөргийг олон хүн сонирхож байв. Сайн чанартайд тооцогдох уг хөөрөг XVIII зууны үеийнх гэсэн. Үнэ нь 80 сая төгрөг. Энэхүү манан хөөрөг үзэсгэлэн, худалдааг сонирхохоор ирсэн хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. Үүх түүхийг нь сонссон хүмүүс гар утсаараа зургийг нь авах ажээ. “Худалдаж авдаггүй юмаа гэхэд хааяа нэг зургийг нь хараад сууж байвал энерги өгнө” гэх юм. Бас 180 сая төгрөгийн үнэтэй халтар манан хөөргийг орж ирсэн хүн бүр сонирхож байсан. Ер нь энд зарж байгаа хөөрөгнөөс хамгийн үнэтэй нь 200-300 сая төгрөгийн үнэтэй. Ингэж үнэлэгдсэн хөөрөгнүүд их гарын хэмжээтэй, чулуу нь нэгдүгээр зэрэглэлийн тунгалаг чанартай, өндөр зэрэглэлийн нарийн хийцтэй, XVIII-XIX зууны үеийнх ажээ. Дээрх үнээс доошлоод 150, 100, 80, 50 саяын сонголт ихтэй хөөрөгнүүд бий. Боломжийн үнэтэй гэвэл 10-15 сая төгрөгийн үнэтэй хөөрөг ч байгаа. Орчин үеийн гайгүй хөөрөг авъя гэвэл гурваас таван сая төгрөгтэй байхад худалдаж авч болохоор юм билээ. Харин эмэгтэйчүүд сүүлийн үед хөөрөг хэрэглэх нь харьцангуй их болсон гэнэ. Эмэгтэйчүүд өвөрмөц тогтоцтой, чамин чулуугаар хийсэн жижигхэн хөөрөг барьдаг ажээ. Шүрэн, чулууны сүүдэр нь шилжиж гүйдэг гартааман хөөргийг бүсгүйчүүд сонгодог юм байна.

Хөөрөгнөөс гадна алт, мөнгөн аяга сонирхож байгаа хүн олон байв. 46 см-ийн диаметртэй, мөнгөөр урласан идээний таваг 40 сая төгрөг гэсэн. Бас 50, 100, 200, 300 граммын хэмжээтэй алтан аягыг үзэсгэлэн худалдаанд ирсэн хүмүүс худалдаж авах дуртай байгаа ажээ. Иймэрхүү аяга алтны орц, хийцээсээ хамаараад 5-30 сая төгрөгийн үнэтэй. Мөн “Master je­welry” дарханы газар бүтээсэн мөнгөн эмээл байв. Энэхүү эмээлийг хийхдээ олон жилийн турш үргэлжилсэн судалгааны үндсэн дээр бүтээжээ. Манжийн эзэмшилд орсноос болж монгол эмээлийн хийц өөрчлөгдсөн байсныг 2007 оноос эхлэн өөрчилж, жинхэнэ монгол хийцийн эмээл хийж эхэлсэн байна. Гөлөм, дэвс зэргийг зүү ороодог хатгамлаар хийсэн, Хүннүгийн үеийн хээ дүрслэлээр чимэглэсэн уг эмээлийг 1.6 жилийн турш найман хүний хамтын хөдөлмөрөөр бүтээжээ. Зарж байгаа үнэ нь 200 сая төгрөг гэсэн. Иймэрхүү эмээлийг морь уядаг, моринд хайртай хүмүүсээс гадна үнэт эдлэл сонирхдог, цуглуулдаг, бизнес эрхэлдэг гээд янз бүрийн хүмүүс сонирхдог гэсэн. Зохион байгуулагчид нь “Үзэсгэлэнгийн гол онцлог нь нэгдүгээрт маш өндөр чанартай, нарийн хийц бүхий эдлэл зарж байгаа. Хоёрдугаарт, зах зээлийн бодит үнэлгээтэй. Хүмүүст үнэ хүрэхээргүй зүйлийг их мөнгөөр авчих вий гэсэн болгоомжлол байдаг. Тэгвэл эндээс худалдаж авсан зүйл хаана ч очиход худалдаж авсан үнээ барина. Жишээлбэл, таван сая төгрөгийн хөөрөг авлаа гэхэд тодорхой жилийн хугацаанд үнээ барьж чадна. Жилээс жилд үнэ өснө үү гэхээс хямдрахгүй” гэв. Үнэт эдлэл худалдаж авахдаа зөв сонгож чадвал хэдэн жилийн дараа “чулуу” болдог тухай ч ярив. Үзэсгэлэнгийн үеэр дан ганц худалдаа явагдахаас гадна өөрсдөдөө байгаа хөөргийг авч ирж үзүүлээд мэргэжлийн хүмүүсээр нас, чулуу, хийцийг нь тодорхойлуулж болно гэсэн.

“Ирэх жилийн өнгө-2015” үзэсгэлэн худалдааг сонирхохоор ирсэн хүмүүс зөвхөн худалдан авалт хийхээс гадна хөөрөг болон үнэт эдлэлтэй холбоотой домог, түүх ярилцаж, сонин хачнаа бие биетэйгээ хуваалцаж байв. Үзэсгэлэнгийн зохион байгуулагчдын нэг “Азийн урлаг” галерейн захирал А.Алтангэрэлээр Монголд байгаа хамгийн нандин хөөрөгний тухай яриуллаа. Тэрээр хөөрөг болон үнэт эзлэлийн зах зээлтэй холбогдоод 25 жил болж байгаа гэсэн. Тиймээс хэний ямар хөөрөг хэнд, хэзээ, яаж очсоныг өөрийн намтар шигээ мэдэх юм билээ.

Хөөргийг үнэлэхдээ чулуу, чулууны чанар, хийц гэсэн гурван үндсэн шалгуурыг голлодог ажээ. Орчин үед янз бүрийн чулуугаар хөөрөг хийж байгаа ч гэлээ шүр, хаш, мана бол хөөрөгний үндсэн гурван чулуу юм байна. Монголд байгаа хөөрөгнөөс хамгийн ховор, нандин нь “Ажнай” корпорацийн Д.Бат-Эрдэнийн шүрэн хөөрөг гэсэн. Манайд маш нарийн хийцтэй 20 гаруй шүрэн хөөрөг байдгаас хамгийн оргил бүтээл нь Д.Бат-Эрдэнийнх гэнэ. Уг хөөргийг Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас Төв аймгийн Дэлгэрхаан суманд ирж нутагшсан Бор гэж хүн барьдаг байжээ. Их гоё сийлбэртэй, хамгийн том хэмжээтэй их гарын шүрэн хөөрөг гэнэ. Арваад см-ийн өндөртэй. Өмнө нь Нэргүй, Оюун гэж хүний гар дамжаад одоо Д.Бат-Эрдэнэд байгаа юм байна. Манжийн үеийн хааны үйлдвэрт хийсэн, луу толгойтой, үхэр биетэй, бар хөлтэй, олон амьтны дүрслэлийг оруулсан “Аварга” гэж амьтны сийлбэртэй. Толгойн дээрээ номын зурагтай. Ур хийц, чулуугаараа дэлхийн хэмжээнд үнэлэгдэх уг хөөргийг Д.Бат-Эрдэнэ 1996 онд арван сая төгрөгөөр худалдаж авч байжээ. Харин одоо дэлхийн хэмжээний цуглуулагчид ямар ч үнэ хэлж магадгүй. Зарах дээрээ тулбал нэг тэрбум төгрөг гэж дуугарах наад захын асуудал болжээ.

Бас Завхан аймгийн Алдархаан сумын баян Мангал гэж хүний хөөрөг байдаг. Нэгдэл байгуулагдахад олон мянган мал улсад бэлэглэж байсан хүн. Баян Мангал гэдгээрээ алдартай. 1997 онд түүний хэрэглэж байсан хөөргийг нэгэн бизнесмэн мөн л арваад сая төгрөгөөр худалдаж авчээ. Мөн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Хөдөлмөрийн баатар Зэвэг гэж хүнд шүрэн хөөрөг байсан. Цагаан хэрмийн хажуугаар хатан хүн морь уначихсан, хөгжим тоглоод явж байгаа сийлбэртэй. Их гарын хэмжээтэй шүрэн хөөрөг өдгөө “Макс”-ын Д.Ганбаатарт байгаа ажээ. Үнэлбэл дор хаяж 800 сая төгрөг хүрэх юм байна.

“Ирэх жилийн өнгө-2015” үзэсгэлэн худалдаа ирэх сарын 18-ныг хүртэл үргэлжлэх юм.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Гүррагчаа: 74 настайдаа Эверэстэд гарсан хүн байхгүй. Би дөрөвдүгээр сард авирна

Монгол Улсын гавьяат тамирчин Таваагийн Гүррагчаатай ярилцлаа.

Танд цаст Гималайн ноён оргил Эверэстэд авирах урилга ирсэн гэсэн. Хэзээ явах гэж байна вэ?

-Эверэстэд авирах уулчин тухайн улсынхаа харьяа холбоогоор дамжуулаад зохих зөвшөөрөл авдаг юм. Зөвшөөрөл өгдөг тусгай газар бий. Тэндээс уулчдад урилга ирүүлдэг. Урилгын дагуу 100 гаруй сая төгрөг төлж байж авирах эрхтэй болдог. Би 2001 онд арван хоёр хүний багтай хамт Эверэстэд авирах зорилгоор очсон юм. Тухайн үед хоёр улсын хамтын ажиллагааны дагуу бага мөнгөөр авирахаар очтол хэлэлцээр хүчингүй болчихсон байсан. Тэгээд мөнгөгүй байсан учраас Лобучи, Мерабек хоёрт авираад буцаад ирсэн юм. Ингэж явах үедээ хэдэн төгрөгийн хураамж төлдөг, ямар маршрутаар явах, хаана очиж хоноглох, хэдэн баазтай байдаг вэ гэдгийг судлаад ирсэн. Олон жил мөрөөдөж байсан ч хөрөнгө мөнгө олдохгүй байлаа. Харин өнгөрсөн аравдугаар сард Улсын онцгой байдлын дарга, хурандаа Бадрал Ховдын салбар дээрээ очиж ажилласан юм. Энэ үеэр нь би танилцсан. Тэгээд манай гэрт очъё гэхээр нь дагуулаад явлаа. Өөрийн намтар түүх, гаргасан амжилтаа танилцуулаад Эверэстэд авирах мөрөөдлөө хэлтэл “Та бэлтгэлээ хийж бай. Хөрөнгө мөнгийг би цуглуулъя. Дуудсан цагт Улаанбаатарт хүрээд ирээрэй” гээд явсан. Ингээд л явах болчихоод байна. Ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд Непалд очсон байхаар төлөвлөж байгаа. Би 74 настай. Надад чадал байна, эрүүл бие байна. Нэг насныхаа зорилго, мөрөөдлийг биелүүлнэ дээ.

-74 нас гэдэг залууд лав тооцогдохгүй. Ийм насанд Гималайг зорьсон хүн хэр олон байдаг юм бол?

-Хэдэн жилийн өмнө Японы уулчин 73 насандаа Эверэстэд авирсан байдаг юм билээ. Харин 74-тэйдөө авирч байсан хүн байхгүй. Би өөртөө эргэлзэх зүйл алга. Ная хүрсэн хойноо ч авирч чадна. Эх орныхоо болон дэлхийн өндөр уулнуудад энэ насаараа л авирч явлаа. Намайг Эверэстэд авирах гэж байгааг сонссон хүн болгон ийм өндөр насандаа гарах гэж үү гэж гайхаж байна. Намайг мэдэх нэгэн нь “Та бол чадна. Гэхдээ хүний насанд нэг юм байдаг шүү. Хөлдөж үхэх вий дээ, нисч үхэх вий дээ” гэж анхааруулж байгаа.

Нээрээ л тэр өндрийг өдий насандаа зорино гэдэг амархан байхгүй нь лавтай?

-Энэ чинь миний л хийх ёстой ажил шүү дээ. Миний энэ насны хүсэл мөрөөдөл, зорилго, сонирхол. Цээжинд, нүдэнд бүгд харагдаж байна. Хамгийн гол нь болгоомжтой байх ёстой. Бэлтгэлээ сайн базаах ёстой. Харин айж байгаа хоёр зүйл байна. Юу вэ гэхээр багаараа авирч байхад оргилоос нуралт ирэх вий гэхээс эмээж байна. Хэдэн жилийн өмнө 60 хүний бүрэлдэхүүнтэй олон улсын экспедиц Эверэстэд авирч байгаад нурангид даруулан нас барсан шүү дээ. Ганцхан хүн амьд гарсан байдаг. Уул тэр чигээрээ нураад ирэхээр амьд гарах боломж байхгүй. Хоёрдугаарт, оргилд ойртсон хойно аваар гарах вий. Багаараа авирч байхад гишүүдээс нь хөлдөж нас барах, нисэж үхэх тохиолдол гарвал тэр аяллыг шууд хаадаг. Тийм харамсалтай зүйл л битгий гараасай гэж залбирч байна. Монгол хүний заяа түших байлгүй дээ.

Уул өөд мацаж байгаа хэрнээ хөлдөж үхдэг юмуу?

-Тийм зүйл их гардаг. Бид нарыг авирах үед харьцангуй дулаахан байна. Дунджаар өдөртөө 30 хэмийн хүйтэн байх болов уу. Зарим үед ч 40, 50 хүрэх л байх. Дээрээс нь байнгын цасаар шуурч байдаг.

Хаана, ямар бэлтгэл хийж байна вэ?

-Би Ховдын хүн. Хотод ирээд хоёр хонож байна. Ерөнхийдөө ирэн очин байдаг юм. Арванхоёрдугаар сард ирэхдээ “Оргил” рашаан сувилалд амарсан. Амарч байхдаа Зайсангийн араар гараад Их тэнгэр, Бага тэнгэрээр кроссонд гүйнэ. Бас Зайсангийн гүүрээр гарч Баруун ширээт өөд өгсөнө. Тэр хэсэг их гоё огцом. Энэ бэлтгэлээ хоёрдугаар сарын 15 хүртэл хийх юм. Цагаан сараар нутагтаа очиж шинэлчихээд гуравдугаар сард буцаад ирнэ.

Эх орноосоо хэдүүлээ явах вэ. Ямар багтай хамт авирах бол?

-Ганцаараа явна. Олон мундаг залуучууд байна л даа. Тэдэнтэйгээ хамт явъя гэхээр зардал мөнгөний асуудал хэцүү байна. Очоод олон улсын уулчидтай нэг баг болж явах юм. Гималайд авирах хугацаа жилд хоёрхон удаа тохиодог. Хаврын болон намрын жар хоног гэж байна. Хаврын жар хоног нь дөрөвдүгээр сарын нэгнээс зургадугаар сар хүртэл үргэлжилнэ. Намрынх нь наймдугаар сараас аравдугаар сар хүртэл үргэлжилдэг.

Ямархуу чиглэлээр авирах вэ?

-Дөрөвдүгээр сарын 4 гэхэд Лукла олон улсын баазад очсон байна. Тэндээсээ Эверэстийн бэл буюу 5300 метр хүртэл долоо хоног явган аялах юм. Ингэж явахдаа нэг хүн 50 кг ачаа үүрч явахыг зөвшөөрдөг. Гэхдээ ширфа буюу туслах худалдаж авбал түүнтэйгээ хувааж үүрээд явна. Эверэст гэдэг чинь Гималайн нурууны хамгийн өндөр салбар шүү дээ. Эверэстийн ноён оргил нь 8850 метрийн өндөрт байх Жомолунгма. Эверэстийн бэлд очсоноос хойш үндсэн авиралт эхлэх юм. Оргилд гарах хүртэл 6400, 6750, 7100, 8400 метрийн өндөрт дөрвөн бааз байдаг. Тэнд очиж амарч, өндөрт өөрийгөө дасгаж байгаад оргил руу зүтгэнэ.

Хэд хоног зарцуулах бол?

-Хэдэн ч өдөр явж болно. Дунджаар 14 хоног явах байх. Гэхдээ хорь ч хонож болно. Цаг агаар муу байгаад байвал баазаас бааз руу шилжиж явах жишээтэй. Өндөрт болон цаг агаартаа дасах хэрэгтэй. Тэгэхээр өдөрт 1-2 км яваад буцаж хоноглосон бааздаа ирэх зэргээр авирна. Сүүлийн баазаас Жомолунгма хүртэл 450 метр. Бодоход хэдхэн харайгаад очихоор зай байгаа биз. Гэтэл ганцхан метр явна гэдэг том амжилт байдаг юм. Сүүлийн баазаас орой хүртэлх зайг харин ганцхан удаагийн дайралтаар туулна. Гурав, дөрөвдүгээр баазад байхдаа уур амьсгалд өөрийгөө дасан зохицуулна гэдэг их чухал.

Оргил дээр гарчихаад уддаггүй гэх юм билээ?

-Удаан байх ямар ч боломж байхгүй. Бушуухан шиг гараад шруп тавьж олсноос өөрийгөө уяад төрийнхөө далбааг мандуулаад авбал тэгээд л боллоо. Нэг сайхан зураг авахуулаад амжвал дээдийн заяа. Тэр өдөр аз таарч тэнгэр цэлмэг байвал Гималайн нурууны найман мянган метрээс дээш 14 оргил дүнхийж байна. Тэрийг харж чадвал уулчин хүний хүсэл бүрэн биелнэ. Оргил дээр хэр удах вэ гэдэг цаг агаараас л шалтгаалах зүйл юм даа. Цэлмэг бөгөөд тогтуун байвал таваас арван минут болох байх. Харанхуй манантай, хүйтэн байвал төрийн далбаагаа мандуулаад буцна. Би Гималай хайрханы урд тал, нар мандах зүг буюу эх орон руугаа харсан талаас авирах юм.

Оргилд гарсан хүмүүс юу бодож, залбирдаг бол оо?

-Ямар ч уулын ноён оргил дээр гарахад ерөөсөө ганцхан эх орон минь л бодогддог. Амь наана там цаана явж байна шүү дээ. Тийм үед гэр орон, үр хүүхдийн тухай бодох зав огт байхгүй. Би ганц ч удаа авгай, хүүхдээ бодож байсангүй. Би гэлтгүй тэр өндөрт гарсан ямар ч хүнд өөрийн эрхгүй эх орон нь бодогддог юм. Алтан соёмбот төрийн далбаагаа залах шиг жаргал байхгүй дээ.

Таныг одоо авирах үед өмнөх уулчдын маань мандуулсан төрийн далбаа байж байх болов уу?

-Ээ байхгүй байх. Тэр их салхинд яаж тэсэж үлдэх вэ дээ. Сайн л бол хоёр гурав хонох байх. Би Алтай таван богд руу гараад намхан иштэй, жижгэвтэр далбаа мандуулчихаад хоёр, гурав хоногийн дараа буцаад гарахад байхгүй болчихдог. Нэг бол хийсчихдэг байх, үгүй бол цасанд дарагдана.

Буухыг авирахаасаа хэцүү гэж ярих юм билээ?

-Тэгэлгүй яахав. Дээшээ явахад хүндийн төвөө татаад явна. Уруудахдаа араараа буудаг. Хамгийн гол зүйл нь сэтгэл зүй. Дээшээ авирахад хүн урдах замаа л харж оргил өөд мацна. Харин буухад эргэж хараад доорхоо харна шүү дээ. Тэр үед ёроол нь мэдэгдэхгүй хязгааргүй нүдэнд тусна. Тэгэхээр хүн айж, сүрддэг байхгүй юу. Бас толгой эргэнэ.

Өндөр уулын оргил өөд авирахад амь насаа өөрөө батлан даана ч гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар амиа алдахад гомдолгүй гэж гарын үсэг зурах уу?

-Уг нь өндөрт авирч яваад нас барвал гомдолгүй гэж бичдэг байсан юм байна лээ. Сүүлийн үед харин гэр бүл, ойр дотнын хүмүүсээс нь зөвшөөрлийн гарын үсэг авдаг болсон. Манай нөхөр амь насаа алдвал бид ямар нэгэн гомдолгүй гэх жишээний. Олон сар бэлтгэл хийж байгаад яг явах гэтэл гэрийнхэн нь гарын үсэг зурахгүйн улмаас авирч чадахгүй байх тохиолдол олон. Манай гэрийнхэнч гэсэн одоо болно, хаана очиж үхэх гээв гэдэг байсан. Одоо харин тоохгүй дээ. Ирж л байдаг, явж л байдаг болохоор тоохоо больчихдог юм.

Та уулын спортоор хичээллээд хэдэн жил болж байна вэ. Анхны авиралтаа хэзээ, хаашаа хийж байв?

-Би 1977 оны есдүгээр сард Ховд нутгийнхаа ноён оргил Мөнх хайрхан руу авирсан. Эндээс л би уулын спорттой амьдралаа холбосон доо. Бас спортын олон төрлөөр хичээллэсэн. Хаданд авиралтын олон удаагийн аварга. Бас марафон гүйлтээр хичээллэнэ. 100 км-т гүйдэг байлаа. 2008 онд Азийн хөнгөн атлетикийн наадамд оролцоод мөнгө, хүрэл медаль авсан. Мөн 2003 оноос хойш Хөвсгөлийн Уран дөш ууланд болж байгаа дэлхийн 15 орны тамирчдын оролцдог 100 км марафон гүйлтийн тэмцээнд 13 цаг 24 минутын амжилтаар хоёрдугаар байрт орж байлаа. 2013 онд бас Японы Киото хотод болсон олон улсын алтан мастеруудын уралдаанд 30 орны 70-аас дээш настай 1200 тамирчдын дунд болсон уралдаанаас хүрэл медаль авсан. Энэ мэт спортын олон амжилт гаргасан даа. Би чинь цэргийн хүн. Бэлтгэл дэд хурандаа юм шүү дээ.

Дөч шахам жилийн турш хэчнээн уулын оргил дээр төрийнхөө далбааг мандуулсан бэ?

-Ёстой замбараагүй тоо гарах байх. Би тоолж үзээгүй юм байна. Монголд бол авираагүй, гараагүй оргил гэж байхгүй. Сүүлийн хэдэн жил дандаа нээлт хийж байгаа. Уулчид авирч байгаагүй замаар, хүнд аялал хийж байна. Зуун дөч, тавь гарсан байх. Алтай таван богд руу гэхэд жилдээ гурав, дөрвөн удаа гардаг. Өнгөрсөн зун л гэхэд Цамбагарав хайрхан руу гурван удаа гарсан. Жилдээ долоогоос найман удаа өндөр оргил өөд гардаг. Надад одоо Жомолунгма л үлдсэн.

Иймэрхүү маягаар олон жил аялахад ховор нандин ургамал, содон амьтантай олон л таарч байсан байх даа?

-Эх орныхоо хайрхан ууланд авирахад таараагүй амьтан, ургамал байхгүй дээ. Би оргил өөд мацаж л байдаг. Урд янгир алхаж байх жишээтэй. “Хүүе жаахан удаан яваарай. Та нар чинь мэргэжлийнх, би чинь суралцагч” гээд л нөгөө хэдэн янгиртайгаа яриад яваад байна. Ховор нандин ургамал, цэцэгтэй бишгүй л таарч явлаа. Хосоороо ургадаг вансэмбэрүү цэцгийг авирах бүртээ хардаг. Онгон дагшин, сэрүүн газар ургадаг шүү дээ. Вансэмбэрүүг тойроод хөх удвал ургасан байдаг. Их үзэсгэлэнтэй цэцэг. Эрээн гомбо, алтан хундага, алтан гагнуур, хурган цагаан мөөг зэрэг жинхэнэ монгол хөрсний ургамлыг харж, залбирч явдаг юм. Ер нь хаанахын ямар ч хайрханд авирсан уул, усаа шүтэж явна. Уул бүрийг хайрхан, ус бүрийг рашаан гэж бодож явахаар алзахгүй дээ.

Таны сэтгэлээс гардаггүй, хамгийн сонирхолтой аялал хэзээ болж байсан бэ?

-1990 онд Казахстан, Киргизийн нутагт орших 7010 метрийн өндөртэй Хан тэнгэр оргил өөд авирсан юм. Эрдэнэтийн уулчин Ганболдтойгоо хамт явсан. Тун хэцүү авиралт болж байлаа. Би энд л ясаа тавих нь дээ гэж бодогдож байсан. 6800 метрт явж байтал Хан тэнгэрийн авран хянах албаныхан цаг агаар муудах нь гэдгийг мэдээд авиралт зогсоож, уул хаахаа мэдэгдээд байсан. Тэр хол газар яваад очсон болохоор буцна гэхээр харамсаад болдоггүй. Тэгэхээр нь шөнөдөө хулгайгаар авирч байлаа. Хамгийн дээд талын бааз дээр Ганболдын маань бие муудаад үлдсэн. Цааш шөнөжин авирсаар оргил дээр гарсан шүү. Тэр үед “За би энд л хөлдөж үхэх юм байна даа” гэж бодогдож байсан. Азаар Солонгосын багийнхантай таарч тэдний майханд хоноод амьд гарч байв. Өглөө нь оргил дээрээ гарчихаад буцаад буухад тэндхийн авран хянах албаныхан болон Ганболд маань байдгаараа сандарчихсан байж билээ. Ганболд маань бүр шоконд орчихсон байсан. Буугаад иртэл сайн уу гэж байна. Сайн л гэлээ. Тэгсэн дахиад л сайн уу гэсэн. Бүр дөрөв, таван удаа асуудаг юм. Сайн, сайн гэчихээд майхан руугаа ортол цай чаначихаж. Аягалаад өгөхөөр нь хоёр гардаад автал Ганболд маань “Зүгээр байна, зүгээр байна” гээд орилоод явчихсан. Миний гар, хөл хөлдсөн гэж бодоод их л санаа нь зовж байсан юм билээ.

Ингэж авирч байх үедээ хоол, ундаа яадаг вэ?

-Олон жилийн туршлагаар хоол, ундаа өөрөө зохиодог. Өндөр ууланд авирахад монгол хүний биед юу дутагддаг вэ гэдгийг өөрийн бие дээр судалж байгаад л хоолоо зохионо. Одоо явахдаа шагайн чинээ шар ааруул авч явна. Хүлхээд явж байхад ам цангахгүй, хоолны дутагдал болохгүй. Шинэ хонины махаар шууз хийж авч яваад хааяа нэг шөл хийж ууна. Ингэж тамир тэнхээгээ сэлбэж, биеийн хий хуйгаа дардаг юм. Мөн сарлагийн борцоо аваад явчихна. Бас халтар арвайн гурил, баруун Ховдын хөхүүрийн айрагны шар тос, зөгийн бал, элсэн чихэр, чацарганы тосыг хооронд нь холиод тэмээний хорголын чинээ үрэл болгочихдог. Түүнийгээ шөнөдөө хүлхээд хононо. Энэ бүгд л аминд орно доо.

Та Эверэст рүү авирчихаад эх орондоо хэзээ ирэх вэ?

-Тавдугаар сарын 29-нд ирэхээр төлөвлөж байгаа.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Аваргуудын жинд аваргалсан Г.ОДБАЯР

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын жудо бөхийн улсын аварга шалга­руулах тэмцээн болсон. Улсын аваргын хамгийн сонирхолтой жин яах аргагүй 73 кг-ынх байлаа. Энэ жинд “Женко” клубийн тамирчин Ганбаатарын Одбаяр аваргалж 2015 оны улсын аварга болсон юм. 73 кг-ын жин бол Монголын жудочдын “тулааны талбар”. Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нарын аваргуудын дундаас онцгойрч гарч ирнэ гэдэг баргийн аавын хүүгийн чадах зүйл биш. Харин Г.Одбаяр чадсан юм. Түүнийг жудогийнхон 73 кг жингийн унаган бөх гэдэг юм билээ. Ихэнх тамирчин жин өгсөж, эсвэл уруудаж барилддаг бол өөрийнхөө жинд хамгийн олон жил тогтвортой барилдаж байгаа нь Г.Одбаяр. Тэрээр нийслэлийн унаган хүүхэд. Анх арван хэдтэй хүүхэд байхдаа өсвөрийн жудочдын тэмцээнд Сонгинохайрхан дүүргээс оролцож байсан. Өсвөрийн тамирчдын дунд тэмцээн болохоор үеийнхэн нь “Сонгинохайрханы өндөр залуу” гэж нэрлэн, түүнээс бэргэдэг байсан гэдэг. Сүүлд насанд хүрэгчдийн барилдаанд барилдаж эхэлсэн цагаасаа 73 кг-д хүч үзэх болсон бөгөөд С.Ням-Очиртой ана мана үзэлцэх болжээ. Жудогийнхон түүний тухай “Манай Г.Одбаяр бол угаасаа л 73 кг-ын бөх. Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нараас хол илүү амжилт үзүүлэхээр тамирчин” гэж ярих юм билээ.

Түүний анхны багшийг н.Хаштогтох гэдэг. Жудо бөх гэж юу байдгаас авахуулаад энэ спорттой холбоотой бүхий л зүйлийг анхныхаа багшаас сурч авсан гэж ярьсан. Түүнээс хойш олон амжилт гаргасан. Хамгийн сүүлд л гэхэд Инчёоны Азийн наадмаас мөнгөн медаль авсан. Бас Олон улсын жудо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль авч байлаа. Олон улсын жудогийн холбооноос шалгаруулдаг дэлхийн чансааны хорин хоёрдугаарт бичигдсэн. Харин шинэ оныг улсын аваргын алтан медальтайгаар эхлүүлж байгаа юм.

С.АЛТАН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрт ёсны баярыг үл хүндэтгэсэн бөхчүүдийг төрийн наадамд барилдуулах хэрэг байна уу?

Шинэ Үндсэн хууль батлагдсаны ойн баяр энэ сарын 13-нд боллоо. Монгол төрийн Үндсэн хуулиндаа хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан Бөхийн өргөөнд болж хүчит 224 бөх зодоглосон. Уг барилдаанд Д.Рагчаа гарьд, Д.Баасандорж заан нарыгэс тооцвол бараг л залуу бөхчүүд зодоглосон гэхэд хилсдэхгүй.Долоо хоног бүр болдог аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан шиг юм боллоо. Өнөө цагийн бөхийн өнгө жавхаа болсон залуу аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, гарьд Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан, заан Ч.Санжаадамба, Б.Соронзонболд нарын шуугиулж барилддаг хүчтэнүүд бүгд зодоглосонгүй.

Шинэ Үндсэн хуулийн ой бол төрт ёсны том баяр. Энэхүү баярт зориулсан барилдаан нь улсын наадам, цагаан сар, Тусгаар тогтнолын ой буюу арванхоёрдугаар сарын 29-нд болдог Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны дараа орно. Эрэмбэ ёсоороо дөрөвдүгээрт бичигдэнэ гэсэн үг. Гэвч Монгол төрийнхөө хүндэтгэлт энэхүү барилдааныг бөхчүүд үл тоож, огтхон ч анхаарч үзсэнгүй. Харин Үндсэн хуулийн уламжлалт барилдаанаа үзэх гэж олон түмэн Бөхийн өргөөнд цагаан сарын баяр шиг л цугласан байна лээ. Үнэхээр бөхчүүд бэртэл гэмтэлтэй байв уу, Үндсэн хуулийн барилдаан цагаасаа эрт эхлэв үү гээд олон асуулт тулгарсан. Эл бүгд аварга, арслангууд зодоглоогүйн шалтгаан болсонгүй ээ. Залуу аварга С.Мөнхбат ханиад хүрсний улмаас, арслан Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, гарьд Б.Гончигдамба нар бэртлийн улмаас барилдаагүй гэх мэдээлэл байна. Монголын ард түмэн ямар ч үед бөхчүүдээ дээдэлж, байгаа бүхнээ тэдэнд барьж гүйдэг. Сумынхаа нэрийг улс даяар гаргалаа хэмээн хөлстэй нүцгэн харчуулд дотор нь төөрмөөр олон өрөө тансаг байрууд, том том жийп машины түлхүүр атгуулдаг. Гэвч бөхчүүд ард түмнийхээ их хайр хүндлэлийг дааж чаддаггүй нь харамсалтай. Ард түмнээ басамжилж, дор үздэгийн нэгэн баталгаа нь Үндсэн хуулийн барилдаан боллоо. Аль нэг мөнгөтэй компанийн нэрэмжит өндөр бай шагналтай барилдаан байсан бол бөрхчүүд юун бэртэл гэмтэл, ичихгүй бүгд зодоглоно доо. Тэр жил түрүүлсэн бөхийг автомашинаар байлах нэгэн компанийн жижигхээн барилдаанд улсын цолтой нөхдүүд Бөхийн өргөөнд багтахгүй шахамж цуглаж, хөгшин залуугүй бүгд зодоглож байсныг санах юм. Гэхдээ тэдний барилдахыг буруу гэсэнгүй. Гол учир нь өндөр бай шагналтай наадамд зодоглоод төрт ёсныхоо баярыг дорд үзэж буйд өмнөөс нь харамсаж байна. Аливаа баяр наадамд зодоглон, ард түмнээ цэнгүүлэх нь бөхчүүдийн ажил. Төрт ёсныхоо баяр буюу Үндсэн хуулийн ойд бөхчүүд ажлаа хийсэнгүй. Тиймээс төрт ёсны баяраа дорд үзэж буй бөхчүүдийг төрийн их наадамд зодоглуулж мандуулах хэрэг байна уу. Хэдэн хөлстэй нүцгэн нөхдөд Монголын төр цол хэргэмийг нь гүн хүндэтгэлтэйгээр өгч, түмэн олноороо шагшин магтах хэрэг байна уу даа.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Д.Баянбатын “Наран” хонгор чансаа өндөр азаргыг тэргүүллээ

Монголын морин спорт уяачдын холбооноос тухайн жилийн хамгийн өндөр чансаатай азарга, их нас, эрлийз дээд насны морьдын чансааг тодорхойлон гаргадаг. Мөн чансаа өндөр уяач, унаач хүүхдийг тодруулдаг уламжлалтай. Чансааг тодорхойлохдоо тухайн жилд гаргасан амжилтуудыг үндэслэдэг. Харин улс, бүсэд түрүүлж айрагдсан шандаст хүлгүүдийг мөнгөн дүнгээр үнэлбэл чансааг тэргүүлсэн азарга дор хаяж хагас тэрбум төгрөг хүрнэ. Энэ жилийн улсын наадмын хязаалан насанд Дорнод аймгийн Цагаан-Уул сумын уугуул, аймгийн алдарт уяач Т.Батзоригийн сартай хээр түрүүлж торгон жолоо өргүүлсэн. Хээр үрээ 120 сая төгрөг хүрч зарагдсан байна лээ. Харин дааганд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр даага түрүүлж түмэн олноо баярлуулсан. Тод манлай хээр даагаа хоёр өрөө орон сууцаар наймаалсан сураг бий. Тэгэхээр улсын наадамд түрүүлсэн дээд насны морьд даага, хязаалангаас хол илүү үнэлэгдэнэ. Улсын наадамд түрүүлсэн морь давхар бүсийн болон аймгийн наадамд түрүүлж, айрагдсан байдаг болохоор тэр хэрээр үнэлгээ өсөх юм. Тэгэхээр ММСУХ-ноос тодорхойлдог өндөр чансаатай азаргыг тэргүүлсэн доорх алтан тууртууд доод тал нь гурван зуун сая төгрөгөөр үнэлэгдэх нь дамжиггүй. Ингээд энэ жилийн чансаа өндөр азаргыг тэргүүлсэн хурдан хүлгүүдийг танилцуулъя.

Нэгдүгээрт, ММСУХ-ны рейтингийн зөвлөлийн шийдвэрээр Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, аймгийн алдарт уяач Даваахүүгийн Баянбатын “Наран” хонгор азарга бичигдлээ. “Наран” хонгор азарга Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын түрүү, “Их мандал-2014” төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн.

Хоёрдугаарт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарынхалиун азарга. Халиун азарга үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын аман хүзүү, “Хотгойдын хурд-III” Хангайн бүсийн уралдааны айргийн гуравт тус, тус хурдалжээ.

Гуравдугаарт, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Содномцэрэнгийн Цэмбэлийн сартай хүрэн азарга эрэмбэлэгдлээ. Сартай хүрэн азарга үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын айргийн дөрөв , “Дорнод талын хурд-2014” зүүн бүсийн уралдааны айргийн тавд тус, тус хурдалсан.

Дөрөвдүгээрт, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Эрдэнэ-Очирын Тамирын хүрэнхалзан азарга бичигдлээ. Хүрэнхалзан азарга үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын айргийн гуравт хурдалжээ.

Тавдугаарт, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат Бадамын Оргилынхалтар азарга эрэмбэлэгдэв. Халтар азарга үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын айргийн тавд хурдалсан.

Зургадугаарт, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн алдарт уяач Дуламын Сугарын хул азаргабичигдлээ. Хул азарга үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын зургаа, “Дорнод талын хурд-2014” зүүн бүсийн уралдаанд түрүүлсэн юм.

Долдугаарт, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул аймгийн алдарт уяач Бундийн Бүрэнтөрийн хүрэн халзан азарга оржээ. Хүрэн халзан азарга “Ламын гэгээн мэндэлсний 375 жилийн ой” говийн бүсийн уралдаанд түрүүлсэн.

Наймдугаарт, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул Навааны Энхболдын хүрэн азарга. Хүрэн азарга “Дүнжингарав-2014” хаврын бүсийн уралдаанд түрүүлсэн байна.

Есдүгээрт, Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Начингийн Баасанжавын хул азарга эрэмбэлэгдлээ. Хул азарга “Галдан бошигт хаан мэндэлсний 370 жилийн ой”баруун бүсийн уралдаанд түрүүлсэн юм.

Аравдугаарт, Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул Төмөрпүрэвийн Ганзоригийн загал азарга. Загал азарга “Өвөрхангай-2014” хаврын бүсийн уралдаанд түрүүлсэн байна.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Марзан хувцаслалтаараа алдартай залуусын дүүрэг

Японы Гинза, Шибүяа, Шинжикү, Роппонгиг залуусын дүүрэг гэж хэлж болно. Автомат тоглоомын төвүүд, караоке, олон үндэстний хоол, дэлгүүр, массажийн төв, кино театр нэг дор төвлөрсөн зугаа цэнгээний газар. Энд байх үйлчилгээний газар гэхээсээ илүүтэй залуусынх нь өмссөн зүүсэн дээр нүд унаж, дуу алдмаар. Токиогийн шоу цэнгээний гол хэсэг болох Роппонги дүүргийн метроны буудал дээр буухад л шал өөр уур амьсгал угтав. Юбка өмссөн залуу урдуур гараад хэнэг ч үгүй алхаад явах нь содон. Өмссөн юбка нь зүгээр ч нэг урт хормойт биш. Өвдөгнөөс нэлээн дээгүүр урттай, дэрвэгэр хормойтой. Хамгийн марзан нь түүнийхээ дээгүүр цагаан цамц, пиджак өмсчихөөд хээв нэг алхах юм. Ингэж хувцасласан залууг надаас өөр тоож харж байгаа ч хүн алга. Угаасаа энэ хавиар эр, эм гэлтгүй бүгд л иймэрхүү маягаар хувцасладаг болохоор гайхаж хараад байх жигтэй явдал биш ажээ. Метроны буудлын ариун цэврийн өрөөгөөр ортол гоо сайхны салонд яваад орчихов уу гэж эндүүрмээр. Энд хүүхнүүд гадаад төрхөө яаж өөрчлөхийг жинхэнэ утгаар нь харуулах юм. Бүгд л нэг нэг толины өмнө зогсоод өөрөө өөртөө иж бүрэн үйлчилгээ хийх ажээ. Ингэж гоодох охидыг хармаар санагдаад нүүрээ угааж буй охины зэргэлдээх толины өмнө цүнхээ тавиад хэсэг зогслоо. Хажуугийн охин жижигхэн тайрсан үсээ дээш шуугаад боочихсон нүүр гараа угааж байна. Бүр шүдний сойз гаргаж ирээд амаа хүртэл угаав. Ингэж угаасныхаа дараа нүүрээ будаж эхэллээ. Чийгшүүлээд, крем пудр түрхээд л. Юу юу ч давхарлаж түрхээд байгааг нь сүүлдээ ойлгосонгүй. Дараа нь нүүрээ будаж байна. Анзаараад хартал хөмсгөө юу ч үгүй хусаад хаячихаж. Цүнхнээсээ хөмсөгний хэлбэр гаргадаг тусгай хэв гаргаж ирж харж байгаад хамгийн гоё зохиж байгаагийнх нь дагуу буддаг ажээ. Дараа нь уртаа гээчийн баахан саа, шигтгээ болсон хиймэл сормуус наалаа. Хацраа өнгөлж, хамраа өндөрлөсний хойно уруулаа будаад сая нэг дуусах шиг болов. Үсээ яах гэж байгаа юм бол доо гэж бодож байтал мэдсэн юм шиг ууттай хиймэл үс цүнхээсээ гаргаад ирж байна. Үндсэн өнгө нь шар, түүн дээрээ тод цэнхэр, ногоон, улаан, ягаан өнгийн сортой бэлхүүс давсан урт хиймэл үсээ эвтэйхэн гэгч нь тогтоочихлоо. Анх харж байснаас шал өөр, нүд хөмсөг болсон хөөрхөн бүсгүй болоод хувирчих нь тэр. Таних хүмүүс нь ч танихгүй болтлоо өөрчлөгдсөн бүсгүй ингэж хувирахдаа тэгтлээ удсангүй. 15 минут хэрийн хугацаанд л будаж шунхдаад дууссан. Мэргэжлийн гоо сайханчаас ч илүү мэдрэмжтэй, хурдан шаламгай гоодсоныхоо дараа ариун цэврийн өрөөний буланд очоод хувцсаа сэмхэн солих ажээ. Өмсөж явсан даавуун өмд, урт ханцуйтай цамцаа бэлхүүс гарсан богинохон цээживч, дэрвэгэр хормойтой юбкаар солин цүнх рүүгээ хийв. Цүнх ч гэж дээ чемодан гэж хэлэхээр чирдэг том цүнхэнд өмсөж байсан бүхнээ хийгээд метроны буудал дээр байх тээш хадгалах хэсэгт 500 иен төлөөд өгчихдөг юм байна. Ингээд ганган гэж жигтэйхэн, хөөрхөн гэж ярилтгүй болсон бүсгүй Роппонги дүүргийн төв хэсэг рүү алга болж өгөв. Түүнийг ажиглан ариун цэврийн өрөөнд зогсох хооронд яг л энэ маягаар нүүрээ будаж, хувцсаа сольсон хүүхнүүд хөлхөх ажээ. Орж ирсэн хүүхнүүд зуны оройн үдэшлэгт явах гэж байгаа мэт нимгэн хувцастай гараад явчих юм. Гэхдээ доогуураа нимгэн, бүр хөл нүцгэн хүүхнүүд Роппонги гэлтгүй хаа сайгүй таарч байсан. Хэдийгээр цаг агаар харьцангуй дулаан ч гэлээ Токиод өвөл болж байгаа. Өдөртөө 10 хэмийн дулаантай хэрнээ цаанаа л нэг жиндүүхэн. Гэтэл хүүхнүүд төдийгүй хүүхэд, хөгшид ч сандаал, өндөр өсгийттэй яваад байх юм. Хүйтэн газраас ирсэн, эднийг бодвол хамаагүй чийрэг байгаадаа гэж дотроо бодож байвч урт түрийтэй гуталтай хэрнээ даарах маягтай явж байхад Токиогийн хүүхнүүд дэргэдүүр туфльтэйгээ л гунхаад байх нь тэр.

Роппонгид япончуудаас гадна гадныхан их цуглана. Ялангуяа lady man ихтэй. Баар, караоке, массажны газрын үүдэнд нь дандаа иймэрхүү хүмүүс зогсох юм. Бас зүгээр явуулахгүй урд хойно гарч бүжиглээд л. Гар шүүрч аваад хөх, өгзгөн дээрээ тавьж аальгүйтэнэ. “Өөрсдийнхөө ажилладаг баар руу оруулахын тулд ингэж аягладаг байх нь” гэж бодсон нь ташаа байж таарав. Учир нь тэд аль нэг цэнгээний газарт харьяалагддаггүй гэсэн. Зүгээр л өөрсдийнхөө хүсэл сонирхлоор ийн зогсдог ажээ. Яавч эмэгтэй хүнд л баймаар тэгш урт хөл, гоолиг нуруутай lady man эндхийн салшгүй нэг хэсэг болтлоо хөгжжээ. Гадны жуулчид төдийгүй япончууд өөрсдөө хүртэл тэднийг харах гэж, хамтдаа зургаа авахуулахаар Роппонгид ирдэг гэсэн. Бас өнгөт арьстан ихтэй. Өргөн өмд өмсөж бүдүүн гинж зүүсэн тэд гудамжаар зөрөн өнгөрөх хүүхнүүд рүү шүгэлдэнэ. Илт татаж чангаагаад байхгүй ч гэлээ янз бүрээр сэмхэн өддөг бололтой юм. Япон хүүхнүүд нэг хэсэг тэднийг үздэггүй, харьцдаггүй байснаа сүүлийн хэдэн жилээс овоо нааштай харьцах болжээ. Нүд үзүүрлэж байсан шалтгааныг нь хэдэн жилийн өмнө болсон хүчингийн хэрэгтэй холбож тайлбарладаг юм байна.

Энэ гудмаас орон орны хоолыг идэж болно. Хоолны газрууд нь үүдэндээ амталгаа маягийн хэсэгтэй. Тэнд нь нэг нэг хүн суучихаад урдуур гарах хүмүүсийн анхаарлыг татах гэж хэр чадлаараа хичээх юм. Үндэстнийхээ дууг дуулах юмуу, янз бүрийн хөгжим тоглоно. Шөнө оройгоор зугаацаж яваа хүмүүст зориулсан болохоор хамар цоргих шарсан мах, янз бүрийн шорлог байх ажээ. Анзаараад байхад энэтхэг, непал үндэсний хоол байс гээд л таарч байв. Энэтхэг хоолны урдуур өнгөрөхөд сари өмссөн бүсгүй бэлхүүсний бүжиг бүжээд инээмсэглэн зогсоод хоол идэхийг урих юм. Хоолны газраас цаашлаад баар, караокенууд эхэлнэ. Бас дээд давхруудад массажны газар байгааг илтгэх зурагт хаягтай. Тэндхийн үйлчлүүлэгч бололтой залуучууд гудманд хөл нүцгэн, халаад өмсчихсөн тамхилж зогсох ажээ.

Шибүяа, Шинжикүд дэлхийн томоохон брэндийн дэлгүүрүүд бий. Иймэрхүү гадны брэндийн дэлгүүрээр голдуу нас тогтсон хүмүүс үйлчлүүлдэг шиг анзаарагдсан. Бас үйлчлүүлэгч харьцангуй цөөтэй. Харин “109 men”, “109 women” зэрэг Японы өөрсдийнх нь брэндийн хувцас зардаг дэлгүүрт залуучууд нь ёстой нэг бужигнаж байх юм билээ. Хувцас, барааных нь ч үнэ харьцангуй өндөр. Гэхдээ сонголтыг яаж л бол яаж хийхээр өргөн. Өнгө, загварын төрлийг тоолж барамгүй. Иймэрхүү дэлгүүрийн үйлчлүүлэгч охид залуус ганган гэж жигтэйхэн. Охид төдийгүй эрчүүд нь нүүрээ будаад гангалчихсан явна. Хөмсгөө засаагүй эрэгтэй бараг алга. Бүгд л хөмсгөө хэлбэр гаргаж засаад уруулаа өнгөгүй өнгөлөгчөөр будчихдаг юм байна лээ. Бүр метроны буудал дээр, эсвэл хоолны газраас гарахдаа ийн будаж зогсох залуустай олон таарч байлаа.

Энэ хавиар орой болох үед Санта клаусын хувцас өмссөн залуус мотоцикль унан давхих юм. Зул сарын уур амьсгал оруулж ийн төвийн дүүргийн гудмаар баярын жагсаал аятай сүр бадруулан явдаг ажээ. Ингэж явахдаа бүгдээрээ санта клаусын хувцастай. Бүр малгай, бээлий, нүдний шилээрээ хүртэл ижилсэх юм. Зарим нь ардаа том цүнх үүрчихсэн, бодвол тэр дотроо бэлэг хийгээд явж байгаа байлгүй. Бас гудамжинд нүүр амаа будан цасан охин болчихсон зогсоо эрчүүд тааралдана. Нүүрээ цав цагаан болтол кремдээд хацраа улаанаар өнгөлөн, нүдээ цэнхрээр буджээ. Дээгүүрээ санта клаусын хувцас өмссөн байх ч доогуураа дотуур өмдтэйгээ зогсож байна. Бас өндөр өсгийтэй сандалтай. Шибүяад явж байхад ийм залуучуудтай тав алхаад л таарна. Гэхдээ дандаа оройн цагаар. Бас л аль нэг баар, хоолны газар, караокены үүдэнд зогсож байдаг. Юм л бол хажуугаар нь яваа хүмүүсийг дуудаад хамтдаа зургаа авахуулахыг санал болгох юм. Ингэж зургаа авахуулахад ямар нэгэн төлбөр нэхэхгүй. Хариуд нь хацар дээрээ үнсэхийг гуйна. Заримдаа зүгээр л баярлалаа гэж хэлээд явуулах ажээ. Хүмүүс ч тэдний энэ үйлдэлд дуртай. Яасан хөөрхөн болж хувираа вэ гэж хэлээд талархал илэрхийлээд л өнгөрдөг ажээ. Зураг авч өгч байгаа залуу өнөөх зургийг нь газар дээр нь угаагаад хэвлээд гаргаж өгч байв. Яагаад ингэж үнэгүй тараадаг юм бол гээд анзаараад хартал зурагныхаа ар талд караокеныхоо танилцуулгыг наачихдаг юм байна. Ингэж эвтэйхэн аргаар, хөөрхөн реклам хийхээрээ үйлчилгээний газрууд нь өрсөлддөг бололтой юм. Дүрд хувирсан иймэрхүү залуусаас гадна гадуур зугаалж яваа хүүхнүүд нь ч зул сарын уур амьсгалд зохицуулан хувцаслажээ. Голдуу цасан охины хувцас өмсөөд толгой дээрээ гэрэлтдэг зүүлт зүүчихэж. Шинэ жилийн гацуур модны хэлбэртэй үсний даруулга зүүгээгүй хүн ховор. Ингэж яваа хүмүүсийг хараад байхаар шинэ жилийн баярын уур амьсгал эрхгүй төрж байлаа.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Энхболд: “Өдрийн сонин”-д манай компанийн тухай нийтлэл гарсны дараа санаанд багтамгүй их захиалга ирлээ

-“ИХ ИНХМЭЛ” ХХК АЖИЛЧДАА НЭМЖ,

УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАХААР БОЛЖЭЭ-

Манай сонины өнгөрсөн мягмар гаригийн дугаарт “Төвлөрсөн халаалтын системд холбогдоогүй ч дулаахан амьдрах бо­ломжтой болжээ” нийтлэл хэвлэгдсэн. Уг нийтлэлийн дараа манай сонины редакц руу олон зуун хүн утасдаж халаалтын шинэ технологи нэвтрүүлсэн “Их инхмэл” ХХК-тай холбож өгөхийг хүссэн юм. Тус компанийнхан ч гэсэн сонинд нийтлэл гарсны дараа захиалгаа дийлэхгүй болтлоо ачаалалтай ажиллаж байгаа аж. Ингээд “Их инхмэл” ХХК-ийн захирал Ц.Энхболдманай сонины редакц дээр ирж нийтлэлийн үр дүнд сэтгэл өндөр байгаагаа ярилаа.

Манай сонинд хэвлэгдсэн нийтлэлийн дараа маш олон хүн бидэнтэй холбогдсон. Танайх руу бас олон хүн залгав уу?

-Манай компанийн тухай, бидний үйлдвэрлэж байгаа халаалтын радиаторын тухай мэдээлэл “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаарт нийтлэгдсэн. Лхагва гаригийн өглөө найман цагаас эхлээд бидэнтэй холбоотой утаснууд зогсоо зайгүй хангинаж эхэлсэн. Манай компани байгуулагдаад удаагүй. Өнгөрсөн тавдугаар сараас албан ёсны үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Мэдээж хэрэг шинээр байгуулагдсан компани олон нийтэд танигдаж, өөрсдийн гэсэн хэрэглэгчтэй болно гэдэг хүнд бөгөөд хамгийн гол ажил байдаг. Ингэж олонд танигдаж хүмүүст бизнесээ сурталчлахад танай сонины дэмжлэг үнэлж баршгүй тус боллоо. Бидний шинээр нэвтрүүлж буй шинэ технологитой халаалтын системийн тухай сурвалжлага нийтлэгдсэнээс хойш миний болон манай компанитай холбогдох утаснууд зогсоо зайгүй дуугарч байна. Нэг утсаар компанийнхаа тухай мэдээллийг өгч байхад нөгөөх нь зэрэгцээд дуугарч байх жишээтэй. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр “Өдрийн сонин” үнэхээр хүчтэй юм. Үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрын хооронд маш том түүчээ болж байдаг юм байна. Манай компанийн хамт олон сэтгэл их өндөр байгаа. Үнэхээр их баярлалаа.

Бүр хаа байсан Америкаас хүртэл утасдаж байна лээ?

-Харин би бас их гайхаж байна. Америкаас залгаад “Баянхошуун дахь аавынхаа гэрт халаалтын систем тавиулмаар байна. Хэдэн төгрөг болох вэ. Мөнгийг нь дансаар шилжүүлчихье” гэж ярьсан. Бас Чилид амьдарч байгаа эмэгтэй холбогдсон. Гэр нь арвангуравдугаар хороололд байдаг юм байна. Хангалттай дулаахан биш болохоор 12 секцтэй паар тавиулъя гэсэн. Би өөрөө хүртэл сониноо харж амжаагүй байхад хаа байсан өмнөд Америкаас ингэж утасдахад үнэхээр гайхсан. Бүр гайхаад хаанаас мэдээлэл авсан бэ гэхэд “Өдрийн сонин”-ы www.admin.dnn.mn хаягаар дамжуулан цахим сонин уншиж байдаг юм байна. Гадаадад байгаа монголчууд маань дээрх сайтаар дамжуулан эх орондоо өрнөж буй үйл явдал, шинэ бүтээн байгуулалтын тухай мэдээллийг цаг алдалгүй авч байдаг ажээ. Бас орон нутгаас олон хүн холбогдлоо.

Хөдөө орон нутгийн иргэдэд үйлчилгээгээ яаж хүргэдэг юм бэ?

-Дархан, Эрдэнэт болон Өмнөговь аймагт өөрсдийн салбараа нээх төлөвлөгөөтэй байгаа. Одоохондоо захиалгын дагуу хүргэлт хийж байна. Танай сонины нийтлэлийн дараа орон нутгаас олон хүн ярьж халаалтын систем тавьж өгөөч гэж утасдсан. Гэхдээ ганц нэгэн айлд халаалт тавьж өгөх гээд хол аймаг руу явах хэцүү. Тиймээс ямар ч хүн уншаад ойлгох хэмжээний гарын авлага хэвлүүлэхээр төлөвлөчихсөн байна. Халаалтын систем худалдаж авч байгаа хүн зааврын дагуу гэртээ суурилуулах боломжтой болох юм.

Захиалга хэр байгаа вэ?

-Яг үнэнийг хэлэхэд танай сонин дээр мэдээлэл гарснаас хойш захиалгаа гүйцэхээ больсон. Хүн бүрт хүрч ажиллахыг хичээн ажиллаж байгаа болохоор ажиллах хүчээ нэмлээ. Манайхтай өмнө нь хамтарч ажиллаж байсан бригадууд байдаг. Тэднийгээ дуудаж байна. Ажлын цагийн хуваариа бас уртасгалаа. Ээлжээр ажиллах төлөвлөөгөтэй байгаа. Хэдхэн хоногийн өмнө бид 18 цагт тардаг байсан. Харин сүүлийн хэдэн өдөр шөнийн 00 цаг хүртэл ажиллаж байна. Манайд хандсан хэрэглэгч захиалга өгснөөс хойш хоёр хоногийн дараа халаалтын системийг нь хүргэж өгч байгаа.

Танайх халаалтын радиаторт хэрэглэх тусгай шингэн үйлдвэрлэж байгаа гэдгээрээ онцлогтой. Өдөрт хэдэн литр шингэн үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?

-Шингэний нийлүүлэлт хангалттай гэж хэлж болно. Манай компанийн зөвлөх инженер И.Бодийн эко аргаар гаргаж авсан шингэн шүү дээ. Бид өдөрт мянган литрийг үйлдвэрлэх боломжтой.

Мянган литр шингэнээр 12 секцтэй хэдэн паар үйлдвэрлэх вэ?

-Мянган литрээр 100 орчим радиатор үйлдвэрлэнэ. Харин халаалтын системээр тавихад харьцангуй их хэрэгтэй болдог. 6*8 хэмжээтэй 48 м2 байшинд 18-20 литр шингэн орно. Тог зарцуулалтын хувьд бусад төрлийн халаалтын системтэй харьцуулахад тун бага.

Баталгаат хугацаатай юу?

-Нэг жилийн баталгаат хугацаа өгч байгаа. Механик гэмтлээс болоогүй, бидний үйл ажиллагаанаас хамааралтай эвдрэл, гэмтэл гарвал нэг жилийн хугацаанд үнэгүй сольж өгнө. Гэхдээ эвдэрлээ гэх юмуу ямар нэгэн асуудал гарлаа гэж нэг ч хүн утасдаж байгаагүй. Хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг 100 хувь байлгах үүднээс баталгаа өгч байгаа юм.

Халаалтын системтэй танилцах хүсэлтэй хүн байвал хаана очиход болох вэ?

-“Peace tower”-ын 11 давхрын 1103 тоотод манай компани байрладаг. Тэндээ өөрсдийнхөө үйлдвэрлэж байгаа халаалтын системийг суурилуулсан. Тэгэхээр сонирхож байгаа хүмүүс манай компанийн байранд хүрч ирээд үзэж болно. Мөн 8911-9410, 9999-2878, 9191-9164 дугаарын гар утсаар холбогдоорой.

С.АЛТАНЦЭЦЭГ