Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сагсан бөмбөгчид NBA-гийн стандартыг хангасан шинэ ордонтой боллоо

Сагсан бөмбөгийн спортын ууган мастер Д.Содномзундуй агсны нэрэмжит үндэсний сагсан бөмбөгийн ордон ашиглалтад орлоо. Спортын төв ордноос 23 км-ийн зайд буюу Хандгайтад байх тус ордон олон улсын жишигт нийцсэн Монголын анхны спорт ордон гэдгээрээ онцлогтой. Хоёр заал, зочид буудал, тамирчдын хувцас солих өрөө, саун, душ, ресторан, “Алдрын танхим” гээд спорт ордонд байх ёстой бүхнийг нэг дор цогцлоосон ордны үндсэн заал нь хоёр мянган хүний суудалтай. Энэхүү заалны шалыг найман үетэй, дороо пүрштэй, цэвэр модоор хийжээ. NBA буюу Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны шалны стандартын дагуу хийсэн гэсэн. Тэгэхээр манай тамирчид Лэйброн Жэймсийн тоглодог шалан дээр сагсан бөмбөгөөр хичээллэж байна гэсэн үг. Зориулалтын бус шалан дээр удаан тоглох, гүйх, үсрэхээр бөөр, нуруунд доргилт өгч тамирчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс дороо пүрштэй, зөөлөвчөөс бүтсэн шалтай байх шаардлагыг хангажээ. Самбар нь ч мөн Америк стандартын “Портер” брэндийнх гэсэн. Талбайн голд дөрвөн талдаа дэлгэцтэй болохоор тэмцээнийг шууд дамжуулан үзэж болохоор юм. Уг дэлгэцийг “Link Engine” ХХК-ийнхан угсарч бэлэн болгосон гэнэ. Нэг үгээр хэлбэл NBA-гийн тамирчдын тоглож байгаа зааланд манайхан хичээллэж байна гэсэн үг. Д.Содномзундуй агсны гэр бүлийнхэн болон Үндэсний сагсан бөмбөгийн холбооны зүгээс зориулалтын ордонтой болох хүсэлт гаргахад улсаас Хандгайт, Багахангай гэсэн хоёр газар санал болгосон байна. Учир нь олон улсын анагаах ухааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд ирж судалгаа хийхдээ дээрх хоёр газарт спорт цогцолбор байгуулахад тохиромжтой гэж дүгнэжээ. Хүнд, эрчимтэй бэлтгэл хийж байгаа тамирчид аль болох далайн түвшнээс дээш өндөрлөг газар дасгал сургуулилт хийвэл эрүүл мэндэд нь сайн байдаг гэнэ. Бас ордон байгуулсан тэр газарт Х.Баянмөнх, Ж.Мөнхбат тэргүүтэй аваргууд олимпийн наадамд оролцохын өмнө бэлтгэлээ базаадаг байсан түүхтэй. Тиймээс хотын төвөөс зайдуу ч гэлээ тамирчид бэлтгэл хийх боломжтой газрыг сонгожээ.

Спорт ордны бэлтгэлийн заал нь 400 хүний суудалтай. Тэнд тамирчид хүссэнээрээ бэлтгэл хийж болох юм билээ. Бас тэмцээн, уралдаан ч зохион байгуулж болно гэсэн. Бэлтгэлийн болон үндсэн заалны дунд 80 хүний ортой “Олимп” зочид буудал бий. Зочид буудал дотроо бассейн, саун, фитнесийн өрөөтэй. Ресторан нь нэг дор 200 хүн хүлээж авах хүчин чадалтай. Бас “Алдрын танхим”-тай. Тэнд одоогоор Содномзундуй, Чоён, Аюурзана, Моломжамц, Даваахүү, Оюун гэсэн зургаан хүнийг алдаршуулаад байгаа юм билээ. Машины зогсоолын тухайд доороо 120 автомашины гарааш, гаднаа 250 автомашины зогсоолтой байхаар төлөвлөжээ. Одоогоор барилгын ажил бүрэн гүйцэд дуусаагүй байгаа бөгөөд заалны агааржуулалтын системийг суурилуулах, гадна талбайн тохижилт, авто зогсоол байгуулах ажил хийж байгаа ажээ. Одоогоор гадна талбайнхаа талыг нь цутгачихаж. Ордны урд талд Д.Содномзундуй агсны таван метрийн өндөртэй хөшөөг босгох юм байна.

Сагсан бөмбөгийн спортын ууган мастер Д.Содномзундуй 20 гаруй жил дасгалжуулагч, холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Өөрийн амьдралаа сагсан бөмбөгийн спорттой холбосон нөхрийнхөө алдрыг мөнхжүүлэхээр түүний гэргий Цэнд-Аюуш ордон барих ажлыг санаачлан үр хүүхэд, ач зээ нарынхаа хамт Үндэсний сагсан бөмбөгийн холбоотой хамтран барьсан байна. Одоогоор яг хэдэн төгрөгийн санхүүжилтээр босгосныг нарийн тооцож амжаагүй байгаа бөгөөд нээлтийнхээ үеэр олон нийтэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэсэн.

Сагсан бөмбөгийн тамирчид, сонирхогч гээд энэ спортод хайртай хүн бүрт зориулсан ордон болохоор үүд хаалга нь нээлттэй байх ажээ. Лигийн тэмцээн завсарласан үед залуучууд, өсвөрийн шигшээ багийнхан бэлтгэл хийхээс гадна байгууллага, хамт олноороо ирээд тоглож болох юм байна. Одоогоор ирэх долдугаар сард БНСУ-д болох олон улсын тэмцээнд оролцох залуучуудын шигшээ багийнхан бэлтгэлээ хийж байгаа ажээ.

Өнгөрсөн бямба гаригт супер лигийн медалийн төлөөх тэмцээн тус ордонд болсон. Энэ үеэр тамирчид “Энэ ордон одоогоос арван жилийн өмнө ашиглалтад орсон бол ямар сайхан бэ. Жаахан харамсаж байна. Гэхдээ хойш үеийнхэн маань стандартын зааланд идэвхитэй хичээллэснээр биднээс илүү амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Монголын сагсан бөмбөгийн хөгжилд том хувь нэмэр орууллаа” хэмээн ярьжээ.

Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард шаваа тавьж байсан тус ордны албан ёсны нээлт энэ сарын 14-нд болох юм байна.

С.АЛТАН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Я.Баатар: Токиогийн олимпийн наадамд дугуйн төрлөөр оролцсон дөрвөн тамирчны нэг нь би

1964 оны Токиогийн олимпийн дугуйн төрөлд эх орноо төлөөлөн оролцсон Я.Баатартай уулзлаа. Түүнийг спорт сонирхогчид дугуйн Баатар гэхээр андахгүй юм билээ.

Та 1964 оны Токиогийн олимпод эх орноо төлөөлөн оролцож байсан. Тухайн үед олимпийн наадамд оролцох эрхээ хэрхэн авч байв?

-1958 онд манай улсын дугуйчдын шигшээ баг анх байгуулагдаж байлаа. Шигшээ багийнхан маань гадаад, дотоодын дугуйчдыг урьж авчран хамтарсан бэлтгэл хийдэг байсан. Харин олимпийн наадмын өмнө улсын шилдэгт тооцогдох 20 дугуйчныг цуглуулсан юм. Тэндээсээ бэлтгэл сургуулилтын явцад хэд хэдэн шалгаруулалт хийгээд 15 хүн үлдээсэн. Энэ хүмүүс маань 1960 оноос хойш байнгын бэлтгэл хийдэг байлаа. Бүр өвлийн улиралд ч бэлтгэл хийнэ. Тухайн үед би оюутан байв. Нэг хавар орос дасгалжуулагч багш урьж авчраад “Манай тамирчдыг олимпод ороход бэлдэж өгөөч” гэсэн юм билээ. Орос багш маань бидэнтэй гурван сарын турш ажиллан арван тавуулаа байсан биднийг дөрөв болтол нь цөөлсөн. Үлдсэн дөрвөн тамирчин ойр ойрхон уралдах, сорилт хийх, хол замд, ууланд уралдах гэх зэргээр бэлтгэл сургуулилтаа хийдэг байлаа. Би ч яахав дотроо олимпийн наадамд явна гэж тэгтлээ боддоггүй байсан. Харин нэг өдөр орос багш маань энэ хүүхдийг олимпод явуулна гэсэн дээ.

Одоогийнхтой адил олон улсын уралдаан тэмцээнээс олимпийн эрх авдаггүй байсан юм уу?

-Тамирчин хүний тухайд эрхээ авч байгаа нь л энэ. Харин улсаас “Манай улсын дөрвөн тамирчин олимпийн наадмын дугуйн төрөлд оролцоно” гэсэн утгатай мэдүүлэг явуулчихдаг байсан. Тухайн үед олимпийн наадамд ямархуу амжилттай оролцож байгаагаар нь тэр улсын хөгжлийг тодорхойлдог байсан байх.

Таны хувьд олимпийн наадмын дугуйн төрөлд эх орноо төлөөлөн оролцсон анхны тамирчин болж байжээ дээ?

-Тийм болж таарч байгаа. Гэхдээ би ганцаараа оролцоогүй юм шүү дээ. Л.Эрхэмжамц, Л.Буудай, Ч.Саманд бид дөрөв нэг баг болон оролцож байлаа. Одоо бид дөрвөөс хоёр нь бурхны оронд оджээ.

Дугуйн төрлөөр анх удаа олимпийн наадамд оролцоно гэхээр их баяртай байсан байх. Бэлтгэл сургуулилтаа яаж хийдэг байв?

-Орос багштайгаа шаргуу бэлтгэл хийсэн дээ. Тэрэлж, Нүхт, Баянчандмань гэхчлэн газруудад бэлтгэлээ хийдэг. Өдөрт дор хаяж 100 гаруй км-ийн зайд бэлтгэл хийдэг байсан. Шулуун зам, бартаат зам, ууланд гэхчлэн янз бүрээр л бэлддэг байлаа.

Өвөлдөө яаж бэлддэг байсан бэ. Биеий хүчний бэлтгэл хийх үү?

-Биеийн хүчний бэлтгэл их хийдэг байсан. Хүндийн өргөлтөөр хичээллэнэ. Хөлбөмбөг тоглоно. Өвөлдөө цанаар гулгаж, зааланд сагсан бөмбөг тоглуулдаг байсан. Гол бэлтгэл нь дугуй, цана, штанг өргөх байлаа.

Орос багш тань ямархуу хүн байв?

-Манай багш энхтайвны төлөөх олон улсын уралдаанд түрүүлж байсан хүн. ЗХУ-ын гавьяат тамирчин цолтой хүн байлаа. Гурван сар бэлтгэл хийгээд наймдугаар сарын сүүлээр Токиог зорьсон санагдаж байна.

Тэр үеийн нийгэм одоогийнхоос шал өөр байсан. Олимпод оролцохоор явж байгаа тамирчдадаа юу захидаг байв?

-Биднийг явахын өмнө яриа хийж байсан. Гадаадад очоод соёлтой байна шүү, гадаад хүмүүстэй яаж харьцах вэ, улсаа хэрхэн сурталчлах вэ гэдгийг зааж өгнө. Соёлтой байгаарай гэдгийг наад захын жишээ нь гудманд шүлсээ хаяхгүй байх, хоол ундаа зөв боловсон идэх гээд олон зүйл зааж өгсөн.

Очиход ямархуу орчин угтав. Уулга алдан гайхмаар зүйл их л байсан байх даа?

-Эх орноосоо явахдаа гадаад улсад очоод их хэцүү байх нь дээ л гэж бодож байсан. Хөрөнгөтөн улс гэж сурталчилдаг байсан. Хүүхэд байсан юм болохоор хөрөнгөтөн улс гэж ямар байдаг юм бол гээд л бодно. Харин очсон хойноо биширч байлаа. Маш өндөр хөгжилтэй, хүмүүсийн харилцаа, эдэлж хэрэглэж байгаа зүйл нь их өөр байсан. Биднийг очсоны дараа нэхмэлийн үйлдвэр үзүүлсэн. Түүхий эд байхаас нь авахуулаад эцсийн бүтээгдэхүүн болгох хүртэл бүхий л шат дамжлагатай нь танилцуулсан. Ер нь л их өндөр хөгжилтэй, сайхан улс юм гэж бодогдож байлаа. Зам, барилга, машин техник, орчны цэвэр цэмцгэр байдал нь хачин гоё.

Тамирчдыг тусгай байранд оруулсан уу. Токиогийн төвд байдаг “Олимпик центр” тэр үед баригдсан байх даа?

-Тэгсэн байх. Тухайн үед тамирчдад зориулан тусгай хотхон барьж байсан юм билээ. Гэхдээ бид нар олимпик центрт байгаагүй.

Та дугуйн ямар төрөлд уралдсан юм бэ?

-Холын зайд буюу засмал замын уралдаанд оролцсон. Багийн төрөл л дөө. Гараан дээр дөрвүүлээ зогсож байгаад хагас цагийн зайтай гарч байсан. Нийт 33 баг оролцсоноос манай баг 23 дугаарт орсон.

Ганцаарчилсан төрөлд уралдсан уу?

-Багийн тэмцээний дараа ганцаарчилсан төрөл нь болсон юм. Ганцаарчилсан төрөлд 193 тамирчин уралдахад би 43 дугаар байрт орж ирсэн. Нөгөө гурав маань 85, 103-т орж байсан санагдаж байна.

Олимпийн наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд оролцсон уу. Монголын багийн тугчаар хэн явж байв?

-Нээлт, хаалтын арга хэмжээнд оролцолгүй яахав. Яг л одоогийн олимптой адил улс улсын шигшээ баг жагсаад, тугаа бариад орж ирж байлаа. Монгол Улсын төрийн далбааг хөнгөн атлетикийн тамирчин Найдан мандуулан оролцсон. Тэр жилийн олимпод манайхаас хөнгөн атлетик, бөх, дугуй гэсэн төрлүүдээр тамирчдаа сойсон.

Уралдааны замд гарчихсан явахад юу бодогдож байсан бол?

-Миний хувьд анх удаагаа олон улсын тэмцээнд оролцож байгаа нь тэр. Дотооддоо дөрөв таван жил уралдчихсан байсан. Манайд болдог тэмцээнд 60 гаруй тамирчин л уралддаг байлаа шүү дээ. Түүнтэй л адил байх болов уу ухааны юм бодож байлаа. Тэгсэн тэр олон тамирчин нэгэн зэрэг уралдахаар толгой нь хаана яваа юм, сүүл нь хаана байгааг ялгахаа больчихдог юм байна лээ. Тэгэхээр нь ямар ч байсан урагшаа л тэмүүлж уралдах ёстой юм байна гэж ойлгоод зүтгэж гарсан. Анх удаагаа тийм олон тамирчинтай нэгэн зэрэг уралдаж байсан болохоор их л гоё санагдаж байлаа. Уралдааны дараа “Ер нь бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд байвал амжилттай сайн уралдаж болох юм байна” гэсэн бодол төрсөн.

Буцаад нутагтаа ирэхэд яаж хүлээж авсан бэ?

-Үнэхээр мундаг хүлээж авсан шүү. Биеийн тамирын хороо, Засгийн газрын төлөөлөгчид угтсан. Багшийн их сургууль дээр баярын хурал хийгээд л. Харин би спортын мастерын болзлыг хэд хэдэн удаа давуулан биелүүлж байхад зэргийг минь өгөөгүй. Харин олимпоос ирсний дараа спортын мастерын үнэмлэхийг минь өгсөн.

Та олимпийн наадмаас өөр олон улсын тэмцээнд оролцож байв уу?

-Энхтайвны төлөөх олон улсын тэмцээнд оролцсон. Герман, Чех, Польшийн нутгаар дамжин уралддаг байлаа. Олимпийн наадмын дараа жил буюу 1965 онд болсон болохоор бэлтгэл ч сайтай байсан. 14 хоног үргэлжилдэг уралдаанд оролцож байхдаа Чехийн нутагт ганцаараа барианд орох гэж зугтааж явсаар барианаас 10 гаруйхан км-ийн наана толгойн группт баригдаж байлаа. Хэрэв тэр үед ганцаараа зүтгээд байх биш бусад хүмүүстэй групп болж уралдсан бол нэлээн сайн амжилт гаргах байсан биз. Тэр уралдааны дараа надад олон улсын хэмжээний мастер цол өгөх байлгүй гэж бодож байсан ч сая л нэг юм 2014 онд авлаа даа. Би 1970 онд өөрөө уралдахаа больсноос хойш “Алдар” нийгэмлэгт дасгалжуулагчаар ажилласан. Шавь нар маань 1990 онд Азийн наадмаас хүрэл, мөнгөн медаль авсан. Харин тэтгэвэрт гарснаасаа хойш “Атилла” багт дасгалжуулагчаар ажиллаж байна.

Шавь нараас тань амжилттай уралдаж байгаа тамирчин байгаа биз дээ?

-Мягмарсүрэн, Наранхүү гээд хоёр тамирчин байгаа. Их сайн уралдаж байгаа. Хоёулаа олон улсын хэмжээний мастер цолтой. Энэ жил Азийн аваргад оролцуулна гэж бодож байгаа. Бас 2016 оны олимпийн наадам ч ойрхон байна даа.

С.АЛТАН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.ГҮРБАЗАР: Өөрийнхөө нэрээр овоглосон ток шоу хийе гэж бодож байгаа

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазартай ярилцлаа.

Уран бүтээлчид дуугаа л дүрсжүүлдэг болохоос биш барагтай бол шүлэг дүрсжүүлээд байдаггүй. Та яагаад “Тайтгарахуй” шүлгэндээ клип хийлгэх болов оо?

-Олон нийтийн байгууллагын уран бүтээлч залуус миний шүлгийг клип болгож өгье гэсэн санал тавьсан юм. Тэгэхээр нь би шүлгийн түүврээ үзүүлтэл “Тайтгарахуй” шүлгийг дүрсжүүлье гэсэн. Би ч мэдээж хэрэг дуртай зөвшөөрсөн. Өчигдрөөс үзэгч олонд хүрч байгаа байх.

Олонд хүрч байгаатай нь холбогдуулаад хэвлэлийн бага хурал хийлээ. Зүгээр нэг хайрын тухай юм уу, эх орны сэдэвтэй шүлгийг дүрсжүүлсэн бол би ингэж хэвлэлийн бага хурал хийхгүй л дээ. Үг тун аюултай гэдгийг би өөрөө сэтгүүлч хүний хувьд сайн мэднэ. Сайхаан сайхан гээд хоёр удаа хэлчихвэл хэрэгт орчих жишээтэй. Ганц үг ч үнэ цэнтэй байдаг. Харин энэ клипний тухайд гарч байгаа цаг үе нь сонин таарч байна. Хүмүүсийн тэмцэл хөдөлгөөн өрнөөд, засаг төрдөө шаардлага тавиад Ерөнхий сайд нь эвийг хичээе, дотроо учраа олъё гэлцэн тал тал тийшээ харсан үед энэ шүлгийг гаргаад ирэхээр олон нийт “Энэ Гүрээ тэмцлийг зогсоогоод тайван байя” гэж уриалаад шүлэг бичин тарааж байна гэж ойлгох ч юм билүү.

Энэ шүлгээ та хэзээ бичсэн юм бэ?

-2012 онд бичсэн шүлэг юм шүү дээ. 2013 онд гаргасан “Шанзны хавар” шүлгийн түүвэрт минь багтсан. Миний хувьд бид нар өнөөдөр жаахан зогсосхийгээд, хүлээзнэх цаг болсон юм шиг ээ. Зөв зүйлээ дэмжих шиг дэмжээд, буруу тохвол буруутгасан шиг буруутгаад өөр хоорондоо учир начраа олоод урагшаа явбал Монгол Улсын заяа өндөр юм чинь хөгжинө шүү дээ. Нэг их тэгтлээ сөнөчихнө гэж айгаад байх зүйл алга байна. Жаахан бод.

Адраад яахав дээ, амьдрал дандаа ийм байхгүй

Адгаад яахав дээ, амьдрал болдгоороо л болно

Давчдаад яахав дээ, дандаа ийм байхгүй

Арган дээр суусан шувуу тэнгэрт дахин жиргэж

Алсаас сайхан сураг ирнэ

Үймрээд яахав дээ, үнэн гадаа чинь ирнэ

Зүсэрсэн бороо татарч норсон дээл чинь эгшинэ

Зуны гурван сард цэцэг дэлгэрнэ

Хар дараад сэрэхэд ээжий чинь хажууд байгаа юм шиг

Хамаг бүхэн сайхан болно

Хормой сэмэрсэн уулынхаа оргилыг харсан хүн

Хомхой сэтгэлээ татна

Эх нь булингартсан гол усныхаа урсгалыг харсан хүн

Энэ яваа насаараа мөргөлчин болно

Өнгө мөнгө хоёр өөрийгөө элээхийн цагт

Өөр юм хүмүүс боддог болно

Адгаад, давчдаад, уймраад, үймрээд, эмзэглээд, эргэлзээд яахав дээ

Энэ Монгол Улс маань сайхан болно

Хөдөлж яваа хөсөг зогсож байж ачаагаа чангалдаг юм

Хүний ухаан заавал сайхныг бараадна. Ийм л шүлэг.

Та “Бодоход инээдтэй юм” тоглолт хийснээс хойш уран бүтээлийн цэнгүүн хийсэнгүй. Одоо үзэгч олонтойгоо уулзах цаг болсон гэж боддог уу?

-Бие даасан сэтгүүлчийн гэдэг юм уу, үзэл бодлын лекц хийе гэж бодоод байгаа. Заавал рок, попынхныг дуулуулдаг тоглолт биш оюуны лекцээр уулзъя гэж бодож байна. Хүмүүс сайхан зүйл сонсох дуртай шүү дээ. Ярианы урлаг сонирхдог хүний хувьд иймэрхүү зүйл хийе гэж бодоод байгаа юм. Сүүлдээ бас Ш.Гүрбазар ийм гоё зүйл ярьдаг шүү гээд хүлээдэг болох ч юм билүү.

Хэзээ зохиох гэж байна вэ?

-Хурдхан хиймээр л байна. Сая өнгөрсөн Мартын 8-наар “Үрийнхээ нүдэнд ижий нь өтөлдөггүй” гэсэн нэртэйгээр зохион байгуулах гэж байгаад больсон. Хоёр цаг гучин минут сайхан ярихад тэнд очсон хүн ижийнхээ тухай бодож байгаад л гарна биз. Одоо харин нэг их удалгүй олон түмэнтэйгээ уулзъя гэж бодож байгаа. Бас нэг санаа байна. Тэр нь МҮОНТ-д юм уу өөр газар байх нь уу өөрийн гэсэн ток шоу хийе гэж бодоод байгаа. Ш.Гүрбазарын гэсэн нэртэй… Би чинь бас Монголын сэтгүүлзүйд 40-өөд жил ажиллачихлаа. Туршлага бол туршлага байна. Яг сайхан идэвхтэй ажиллах дөрөв, таван жил үлдсэн байж ч мэдэх юм. Т.Галсан гуайн хэлдгээр “Одоо л нэг сайхан юм хиймээр байна” гэдэг шиг л.

-“Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлгээс ямар ялгаатай байх вэ?

-Шал ондоо байх юм. “Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлгийнхээ хаалтын дугаарыг хийгээд албан ёсоор жаргаасан. Одоо харин үзэгчтэй, заалтай, гадны ток шоу шиг байлгая гэж бодож байна. “Дээр нь хөтлөгчийн дамжаа байгуулах санаатай. Өөрийнхөөрөө хөтлөх урлагийг хүмүүст хэлж өгмөөр байна. Хүнд заана гэдэг өөрөө хөтлөхөөс сайхан санагдаад байгаа юм. Яагаад гэхээр би аргыг нь мэдэх юм. Өөрийгөө мундаг хөтлөгч гэхгүй ч яаж хөтөлдөг вэ гэдэг аргыг сайн зааж чадна. Тэрнээс гадна жүжиг, шүлэг бичээд ер зүгээр суухгүй байгаа. Зурхайгаар энэ жил миний сэргэлтийн цаг юм гэнэ лээ. Тэгэхээр хонь жилд үзэгчдээ баярлуулсан олон зүйл сонсгох байх.

Жүжгийн зохиол гэснээс урлагийнхантай уулзахаар сайн жүжгийн зохиол олдохгүй байна гэж ярих юм?

-Би сүүлийн үед нэг жүжиг бодоод л явна. Ч.Найдандорж найруулагчтай утсаар ярьсан. Одоо харин хоёр гурав хоног суух санаатай байна. Захиалгын биш, өөрөө бодсон жүжиг хийе гэж бодоод байгаа юм. Ерөнхийдөө надад захиалгын жүжиг их орж ирдэг. Студи, хүнд нь тааруулж олон жүжиг бичсэн. Харин одоо өөрийнхөө бодож байгаагаар, жүжгийн зохиол гэж яг ийм зүйл байх болов уу гэж сэтгэж байгаад дуусгаад Драмын театрт очъё гэж бодож байгаа.

Таныг жүжгийн зохиол руу хөтлөн оруулсан багш тань Д.Намдаг гуай. Багшийнхаа тухай ярихгүй юу?

-Д.Намдаг гуай их олон хүний багш шүү дээ. Зарим нь багшаараа эрдмийн зэрэг ч хамгааллаа. Миний багш гээд ярихаар зарим хүмүүс “Энэ Ш.Гүрбазар өмчилчихлөө” гэж дургүйцээд байдаг юм. Миний тухайд Д.Намдаг гуайд шавилсны буян гэж бий. Надад “Ер нь бүх зүйл драм. Яруу найраг ч драм, жүжгийн зохиол ч драм, нэвтрүүлэг ч драм” гэдэг. Юмыг драмтай сэтгэх чанарыг надад суулгаж дээ гэж боддог юм. Миний нэвтрүүлэгт ч драм бий, дуунд ч драм бий. Драмтай сэтгэ гэдэг байлаа. 1975 онд “Утга зохиол” сонинд Б.Явуухулан гуай “Монголд драмын яруу найраг хэрэгтэй байна” гэж бичиж байсан юм шүү дээ. Тэгж сэтгэх сэтгэлгээг надад шагнал болгон өгчээ гэж боддог. Миний “Тэнгэрлэг оршихуй” нэвтрүүлэг драмтай. Дуунуудыг ч гэсэн драмгүй гэж хэлэхгүй байх.

Яв даа чи минь, яв даа чи минь

Би ямар азтай байх ёстой юм уу

Чимээгүйхэн ганцаар уйлаад яахав

Чи бид хоёр хэн хэндээ буруугүй ээ гэдэг чинь драм шүү дээ. Ийм л сэтгэхүйг багш минь надад өгчээ.

-“Хүний амь” киног хоёр дахь удаагаа үзэгчдэд хүргэлээ. Нэг хийсэн киногоо яагаад дахин хийх болсон юм бэ?

-Зохиогчийн эрх гэдэг шиг бүх л эрх нь Г.Жигжидсүрэн найруулагчид байдаг юм. Г.Жийгээ найруулагч П.Цэрэндагва, Ц.Төмөрбаатар бид гурвын багш. Бид нар багшийнхаа далайсан газар далд орж, далласан газар ил гарах ёстой улс. Бидний өдий сайхан яваа нь багшийн гавьяа. “Хүний амь” киног анх хийхэд бид гурав оюутан байлаа. Тэгсэн өнөөдөр ардын жүжигчин, төрийн шагналт, гавьяат болчихож. Тэр кинонд тоглож бидний уран бүтээлийн гараа эхэлсэн л дээ. Харин дахин тоглохыг багш санаачилсан хэрэг. Багшийнхаа даалгавраар очоод тоглосон.

Та залуудаа хэд хэдэн кинонд тоглосон. Харин сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлд тоглоогүй байх. Ямар санагдаж байх юм?

-Бараг 40-өөд жилийн дараа кинонд тоглож байгаа минь энэ. Чадлынхаа хэрээр дүрээ бүтээсэн. Удахгүй бас шүлгийнхээ цомгийг хэвлүүлье гэж бодож байна. 2002 онд “Үзэгний чимээ” цомгоо гаргаж байлаа. Одоо уг нь нэг цомог бэлэн болчихоод байгаа ч дан ганц цомог гэлтгүй нөгөө талд нь дүрстэй DVD гаргая гэж бодож байна. Бас л сонин байлгүй дээ. Долоо, наймдугаар сард гаргая гэж бодож байгаа. Ингэж цомог гаргах сайхан. Зарж борлуулаад баяжаад сүйд болохгүй ч гэлээ хүмүүст хүрнэ гэдэг сайхан. Олон хүн сонсоод, цахим ертөнцөөр тарах нь гоё байдаг юм.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Б.Төгөлдөр: Аавыгаа баярлуулж улсын цолонд хүрэх мөрөөдөл надад бий

Монгол Улсын заан, гавьяат тамирчин Ц.Баярсайханы хүү Б.Төгөлдөртэй ярилцлаа.

Аавыг тань үндэсний бөхийн хүчит заан гэдгээр Монголын ард түмэн сайн мэднэ. Харин аав хүнийх нь тухайд сайн мэдэхгүй юм?

-Аав нар үр хүүхдийнхээ сэтгэлд хэзээд хамгийн сайхнаар бодогддог. Миний хувьд ч аав минь миний мэдэх хамгийн сайн аав. Намайг ер нь загнаж үзээгүй дээ. Хэлэх зүйлээ хэлдэг ч хатуу ширүүн үгээр загнахгүй. Болохгүй байгаа зүйл харагдвал ингээрэй, тэгээрэй гэж зөвлөх маягаар хэлнэ. Түүнээс биш чанга дуугарч ширүүн аашилж байсныг нь мэдэхгүй юм. Хүмүүс бөхчүүдийг их л хатуу байдаг гэж боддог байж магадгүй юм. Их зөөлөн хүн дээ.

Загнуулж үзээгүй гэхээр зодуулсан уу гэж бүр асуултгүй юу?

-Зодуулж бол үзээгүй ээ. Манайх хоёр хүүтэй айл. Би айлын том хүү. Аавыгаа 22 настай байхад би төрж байлаа. Намайг гуравтай байхад буюу 1989 онд аав маань Монгол Улсын начин цолонд хүрч байсан. Начин болж байх үеийг нь би санадаггүй ч заан болж байх үеийг нь мэднэ. 1992 он шүү дээ. Тэр жил миний дүү төрж байлаа. Аав маань 1989 оны бүх ард түмний спартикадад гуравдугаар байранд орж начин цолны болзол хангаж байсан. Б.Бат-Эрдэнэ аварга түрүүлээд, О.Балжинням аварга хоёрдугаар байранд орж заан цолтой болж байсан жил. Дараа нь 1993 онд улсын наадмаар заан цолтой болж байлаа.

Тэр үед аавыгаа дагаж наадам, барилдаанд их явдаг байв уу?

-Ухаан ороогүй жаахан байхдаа л аавыгаа дагаад явдаг байсан гэсэн. Харин том болсон хойноо бол нэг ч удаа гэртээ үлдэж үзээгүй ээ. Жаахан байхад зурагтаар нэг их сүйдтэй гоё нэвтрүүлэг, кино гараад байх биш гэртээ үлдэнэ гэж байхгүй. Аавыгаа л дагаад явж байвал аз жаргал байлаа.

Бэлтгэл дээр бол байнга очих уу?

-Бэлтгэл дээр байнга шүү дээ. Ер нь тэгээд бэлтгэл гэлтгүй өдөр бүр л хаашаа ч явсан дагаад явдаг. Аавыг энд тэнд хүнтэй уулзахад машинд нь үлдчихнэ. Машингүй үед нь ч хоёулаа автобусанд суугаад явж өгдөг байлаа.

Барилдааныг нь үзэх ямар санагддаг вэ. Уначихвал, эсвэл давахаар хүүд нь арай өөр санагддаг байж мэдэх юм?

-Яахав барилдах үеэр догдолно. Гэхдээ хүүхэд байсан болохоор аавын барилдааныг үзэх чухал биш байжээ. Дагаж яваад бөхчүүдийн хүүхдүүдтэй тоглоход их дурлана. Бас бөхчүүдийн хүүхдүүд аав нарыгаа барилдах хооронд тэрүүхэн тэндээ хөөрхөн наадам зохиогоод хоорондоо барилдчихдаг байсан.

Хэн, хэний хүүхэдтэй нэг үе байв?

-Ж.Мөнхбат аваргын хүү Хакухо М.Даваажаргал бид хоёр хар багын найзууд. М.Даваажаргал бид хоёр бол байнга таарна. Бас тухайн үед ид барилдаж байсан бөхчүүдийн хүүхэд ирчихдэг байсан. Хоорондоо өдөржин ноцолдоод орой нь ядарч үхэх гэж байгаа амьтан гэртээ харьдаг байлаа. Хүзүү улайчихсан, хувцсаа энд тэндээ урчихсан гэрийн бараа харна. Тэр үед заалны барилдаанууд их болно. Спортын төв ордны хувцас солих өрөөнд л ноцолдож байгаа нь тэр шүү дээ.

Банди нар тэгж ноцолдоход аавууд дуртай байдаг байх. Ялангуяа бөх хүн хүүгээсээ хүлээх юмтай л байдаг байх даа?

-Манай аав намайг бага байхад бөхийн секцэнд явуулж барилдуулах дуртай байгаагүй. Юу юу ч болоогүй байхдаа бэртэл гэмтэл аваад халширчихна гэж хайрладаг байж л дээ. Тиймээс би нэлээн хожуу барилдаж эхэлсэн юм. 2003 онд 17 нас хүрээд Япон руу явсан. Тэнд байхдаа сургуулийнхаа жудогийн секцэнд явж эхэлснээс хойш албан ёсоор бөхөөр хичээллэсэн гэсэн үг. Тэрнээс өмнө сагсан бөмбөгөөр хичээллэдэг, гандболын улсын шигшээ багийн тамирчин байсан. Спортод их дуртай өссөн.

Японд таныг сумогоор хичээллэдэг байсан гэж ярьдаг юм байна лээ?

-Сумогоор барилдаж байгаагүй ээ. Яахав Японд байгаа, бас бөх гэхээр хүмүүсийн толгойд шуудхан сумо юм байна гэж ойлгогддог байх. Манай сургуульд дэргэдээ жудо бөхийн секцтэй байсан нь бөхөд дуртай надад бөөн боломж гаргаж өгсөн. Тэгээд л барилдаж эхэлсэн дээ. Тэгээд ч гайгүй том болчихсон байсан болохоор аав ч дэмжсэн.

Барилдаж эхэлснээс хойш уралдаан, тэмцээнд ордог л байсан байлгүй. Тэр үед аав тань юу гэж захидаг вэ. Мэдээж хэрэг өөрөө дасгалжуулагч хүн болохоор хүүдээ арай өөр зөвлөгөө өгдөг байсан биз?

-Аав чөлөөтийн тамирчин шүү дээ. Тэгэхээр аав би зааж мэдэхгүй юм байна гэдэг. Хоёр өөр спорт учраас аргагүй. Хаа нэг үндэсний бөхөөр хамт бэлтгэл хийх ховорхон тохиолдол гарна уу гэхээс үргэлж хамтдаа зааланд ноцолдоод байна гэсэн ойлголт байхгүй. Харин намайг тэмцээн уралдаанд оролцоход аав байнга ирж үзнэ. Би 2009 оноос хойш улсын шигшээ багт багтсан. Гадаад, дотоодын тэмцээнд их явна. 2010, 2011 оны дэлхийн аваргад оролцсон. Тэр бүгдэд аав байнга хамт явна.

Ингэж барилдана шүү, тэгж мэх хийгээрэй гэж заахгүй юу?

-За ёстой хараад ч мэдэхгүй юм байна л гэнэ. Жудог ойлгохгүй гэх нь хаашаа юм. Гэхдээ өөрөө жудогоор барилдаж байгаагүй болохоор нандин зүйл заая гээд ч мэдэхгүй. Зааж өгье гээд ч чадахгүй юм байна л гэдэг.

Мэх заадаггүй юм гэхэд сэтгэлзүйн зөвлөгөө өгнө биз дээ?

-Тэгэлгүй яахав. Чи энэ бөхийг заавал ялна шүү энэ тэр гэж хэлдэггүй юм. “Татами дээр гараад өөрийн санасан бодсоноо л хийгээрэй” гэдэг. Тухайн өрсөлдөгчтэйгээ барилдахдаа өөрийн бодож байгаагаа эртхэн хийчихээрэй гэнэ. Их бодоод, хүлээгээд хэрэггүй. Орж ирвэл мэхээ хийгээрэй гэж захидаг.

Тэмцээнд аавтайгаа хамт явах арай өөр байдаг уу?

-Өөр байлгүй яахав. Ер нь шал ондоо шүү. Бөхчүүдтэй хамт нэг баг болоод явж байгаа хэдий ч ярихгүй зүйл гэж байна. Би ингээд байна, тэгээд байна гэж хэлэхгүй. Аав хамт байвал нарийн ширийнээ ярилцана. Аав, би жаахан сандраад байна гэдэг ч юм уу. Тэгэхээр аав нуруун дээр ганц сайхан цохиод зоригжуулаад өгнө. Сайхан нөмөртэй байдаг юм аа.

Наадмын өмнө аавтайгаа хамт бэлтгэлд гарах уу?

-Манай аав 1992 оноос “Есөн туг” гэсэн клуб байгуулаад наадмын бэлтгэлд гардаг байсан. Төмөр замын харьяат бөхчүүд гэж ярина. П.Сүхбат агсан, Ц.Бэгзсүрэн начин, Ж.Намжилдорж начин гээд хориод бөх бэлтгэлдээ гардаг байлаа. Аав, П.Сүхбат заан хоёр галаа ахалдаг. Тэр үед хүүхдийн “Болор” зуслан, “Сүүж” амралт гээд жил бүр өөр өөр газар гарна. Тэр бүхэнд хамт дагаад явдаг. Төв аймгийнхантай гэвэл 2006 онд хамтдаа бэлтгэлд гарч байсан. Ж.Мөнхбат аварга, Л.Сосорбарам арслан нар ахлаад залуусаа аваад гарна. Тэнд бэлтгэл хийж аймгийнхаа наадамд барилдаад аймгийн заан цолтой болсон.

Үндэсний бөхөөрөө үргэлжлүүлэн барилдаж болоогүй юм уу?

-Барилдъя гэж бодолгүй яахав. Гэхдээ ид барилдах үедээ Японд байсан. Тэнд 10 жил болоод нутагтаа ирлээ. Одоо бол бэлтгэл хийж л байгаа. Аавынхаа цолонд хүрэх юмсан гэж бодно.

Аав тань үндэсний бөхөөрөө хичээллэ гэхгүй юу?

-Заавал барилд гээд шахаад байхгүй ээ. Бага байхад минь л өөрийнхөө дуртай зүйлийг хий. Жудогоор барилдмаар байвал барилд. Үндэсний бөхөөр хичээллэх бол хичээллэ гэдэг. Түүнээс биш айхтар шахаад байх зүйлгүй. Харин надад аавыгаа баярлуулчих юмсан, барилдаад цолонд хүрчих юмсан гэсэн мөрөөдөл байна.

Японд байхдаа яагаад сумогоор барилдаагүй юм бэ. Аав тань бас сонирхогчдын сумогоор барилдан амжилт гаргаж байсан шүү дээ?

-Ном үзэх сонирхолтой байсан юм. Тэнд байхдаа барилгын архитектураар төгссөн. Мэргэжилдээ дуртай байсан болохоор гүнзгийрүүлж суръя гэж бодсон юм. Гэхдээ сумогоор барилддаг юм билүү гэж бодохын хувьд боддог байсан. Хакухо маань ч сумогоор барилдаач гэнэ. Сургууль дээрээ жудогоор хичээллэх боломжтой байсан болохоор тэгтлээ дурлаагүй байж мэдэх юм. Би чинь жудогоор барилдаж байхдаа баруун Японы дөрвөн удаагийн аварга болж байлаа. Бүх Японы аваргаар шагналт тавдугаар байранд хоёр ч удаа орсон. Мужийн аваргаар таван удаа орсон байдаг.

Үндэсний шигшээгийн тамирчин байхдаа Японд сурдаг байжээ?

-Тэгсэн. Үндэсний шигшээ багийнхаа +100 кг-д барилддаг байлаа. Би чинь жудогийн улсын аваргын таван медальтай. Улсын аваргаас медаль авсан тамирчныг шигшээ багт авч олон улсын тэмцээнд оролцуулдаг байсан юм. Тэр шугамаар олон тэмцээнд явсан. Хоёр ч удаагийн дэлхийн аваргад оролцсон. Ер нь олимпийн наадмаас бусад тэмцээнд зодоглосон байх.

Одоо хичээллэж байгаа юу?

-Японоос ирсэн хойноо тэмцээнд бараг ороогүй ээ. Аав ээж хоёр маань хоёулаа улсын ажил хийдэг болохоор гэр бүлийнхээ бизнесийг би авч явдаг юм. Зав зайгаараа бэлтгэлээ хийгээд явдаг. Өөрөө дуртай юм болохоор өндөржүүлсэн байдалд биш ч гэлээ бэлтгэлээ хийгээд явж байгаа.

Аавтайгаа холбоотой сайхан дурсамж ярихгүй юу. Ялангуяа наадамтай холбоотой сонин сайхан зүйл ярих байх?

-Манайх циркийн хажууханд байсан юм. Наадмын өглөө аав бид хоёр Төв цэнгэлдэх хүрээлэн рүү алхаж явлаа. Тэгэхэд айхтар их бороо ороод Дунд гол үерлэчихэж. Аав нэг гартаа дээл гутлаа хийсэн том цүнхээ барьчихсан, нөгөө гартаа намайг хөтлөөд явж байсан. Тэгээд яахав алхаж яваа хоёр газар товчлох санаатай Энхтайвны гүүрэн дээгүүр давах биш доогуур нь явахгүй юу. Тэгсэн чинь гол үерлэчихэж. Аав том турбан дээгүүр тэнцэж ядан гарч байсныг санаж байна. Тэгэхэд аав маань “За аав нь энэ жил их сайн барилдах нь ээ. Хэдэн өдөр ус зүүдлээд байсан юм” гэж байсан. Нэг их устай, тэрэн дээгүүр гарч байна гэж зүүдлээд байсан гэдэг. Тухайн үед би уснаас айгаад аавын ярьж байгааг нэг их анзаараагүй. Угаасаа жаахан хүүхэд байсан болохоор лавлаж ч асуугаагүй юм байна.

Хэдэн оны наадам юм бол. Хэд давж байв?

-Жаахан байсан болохоор яг хэдэн оныг нь санахгүй байна. Их л сайн барилдаж байсан юм. Бараг ч заан болж байсан жил юм болов уу даа. Наадам гэснээс бас нэг зүйл санаанд орчихлоо. Манай аав начин болсныхоо дараахь гурван жил их сайн барилдаж байсан юм гэсэн. Тэгээд нэг наадмаар заан болно гээд бодчихсон байсан гэнэ. Бүр долдугаар сарын 1-нээс хойш бэлтгэлээ хийх завгүй заан цолныхоо мялаалгын найранд бэлдэж гүйсэн гэдэг. Заан болохоор гэрт олон хүн ирнэ гээд бэлдээд байгаа хэрэг шүүдээ. Хойшоо Орос руу хүртэл явж идэж уух юм цуглуулж байсан гэсэн. Гэтэл тэр жилийнхээ наадмаар зургаагийн даваанд унаж байсан удаатай. Ингэж хашраад дараа жил нь юу ч бэлдэхгүй хоосон байж байгаад барилдсан чинь аав заан болоод ээж сандарч байсан гэдэг юм билээ.

Манай аав их хөөрхөн. Энэ жил би барилдахгүй л гэдэг юм. Тэгээд наадам дөхөх тусам “За би юу ч гэсэн биеэ шарчихъя” гэнэ. Тэгсээр байгаад яг наадмын өдөр зодоглочихдог.

Аав тань одоо юу хийж байгаа вэ?

-Биеийн тамир спорт хөгжлийн төвийн Захиргаа, санхүүгийн газрын даргаар ажиллаж байгаа. Барилдахаа болиод удаж байх шиг байна даа.

Гэхдээ оны өмнөхөн жиу жицүгийн дэлхийн аварга болсон байх аа?

-Америкт болсон жиу жицүгийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аавыг ороод үзээч гэж ятгасаар байгаад оруулсан. Нас чацуу хүмүүстэйгээ барилдах юм чинь ороод үзээ гэсээр байгаад хамт явлаа. Тэр тэмцээнээс манай аав +100 кг-ийн алтан медаль авч дэлхийн аварга болсон. Сая дэлхийн аваргаас алт аваад их баярлаж байна лээ.

Бөхчүүдийг их л бүдүүн хойрго улс мэтээр ойлгох гээд байдаг. Харин бөхчүүд өөрсдийгөө их мэдрэмжтэй гэж ярьдаг юм билээ?

-Манай аав гэнэтийн бэлэг барих их дуртай. Байнгын л гэнэтийн бэлгээр баярлуулж байдаг. Ээжид долоо хоногт нэгээс хоёр удаа цэцэгтэй орж ирнэ. Ер нь манай аав их халамжтай. Саяхан хүртэл сурагч байх үеийнхээ нэг ширээнд сууж байгаа зургийг өнгөтөөр угаалгаад баярлуулах жишээний. Манай аав ээж хоёр чинь арван жилийн нэг ширээний хоёр.

Танай гэр бүлийн тэмдэглэлт баяр гэж байдаг уу?

-Есдүгээр сарын 12-нд манай аав ээж хоёрын хуримын ой болдог. Жил бүрийн энэ өдөр манай гэр бүлийн хувьд баярын өдөр байдаг юм. Ээж маань манай гэрийн ганц эмэгтэй болохоор ээжийгээ баярлуулна. Дүү бид хоёр том болсноос хойш аав ээж хоёрыгоо зэрэг баярлуулдаг болсон. Ер нь аав маань дүү бид хоёрт бүх зүйлээрээ үлгэрлэдэг. Хүндэлж дээдлэх бүхний дээд нь миний аав.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай хөлбөмбөгийн шигшээ баг өнөөдөр Зүүн Тиморын багтай талбай дээрээ тоглоно

Олон улсын хөлбөмбөгийн холбоонд бүртгэлтэй 209 улс бүгдээрээ 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өргөдөл өгснөөс энэ сарын 12-ны өдөр рейтингээрээ хамгийн багад тооцогдох Азийн 12 улс халз тоглолтуудаа эхэлж, үндсэндээ ДАШТ-2018 үүдээ нээсэн. Энэтхэг-Балба, Иемен-Пакистан, Зүүн Тимор-Монгол, Камбож-Макао, Тайван-Бруней, Шри Ланка-Бутан гэсэн зургаан хос баг өнгөрсөн долоо хоногт халз тоглолтуудынхаа эхнийхийг хийлээ. Эдгээр хосуудаас шалгарсан зургаа нь үндсэн багуудтай нийлж 40 болж таван хэсэгт хуваагдан 2016 оны гуравдугаар сарын 29 хүртэл тоглоно гэх мэтчилэнгээр Азийн багууд шилдгүүдээ тодруулах журамтай юм билээ. Манай багтай тоглож буй Зүүн Тимор нь ОУХХ-ны албан ёсны чансаагаар 187 дугаарт бичигддэг. Харин манай баг 194 дүгээрт эрэмбэлэгдсэн юм байна лээ. Хоёр багийн эхний тоглолт Зүүн Тиморын талбайд болж манайх дөрвөн гоол алдаж, айлын хаалгыг нэг гоолоор мялаасан. Товчоор манай шигшээ баг 4:1-ээр хожигдсон гэсэн үг. Гэхдээ манай шигшээ багийн хувьд айлын хаалганд гоол оруулах тун чухал байсан юм. Хэдийгээр олон гоол алдсан мэт сонсогдож магадгүй ч бид сэтгэлээр унах болоогүй байна. Эхний тоглолтод цаг агаарын хэт халуун нөлөөлсөн гэдгийг хөлбөмбөгчид маань ярьж байна. Аргагүй шүү дээ, -10 хэмийн хүйтнээс гэнэт +31 хэмд очиж тоглохоор ямар олигтой байв гэж. Манай улсын шигшээ багийн дасгалжуулагч тоглолтын тухай “Олон цаг нисэж очсон учраас замдаа нэлээн ядарсан. Очтол бүгчим, чийглэг цаг агаар угтсан. Мөн талбай нь их муу, өнгөн хэсэгтээ шаварлаг, доороо хатуу байлаа. Тэнд гаргасан алдаагаа засаад сайн тоглохыг хичээнэ” гэж ярьсан. Бас сөрөг довтолгоогоор алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч хоёр дахь боломж олгохгүй гэдгээ хэлж байв.

Өнөөдөр харин Улаанбаатарт +2 хэмийн дулаан, бага зэргийн үүлтэй байна. Хэдийгээр боломжийн дулаахан санагдаж болох ч гэлээ +30 хэмээс ирсэн нөхдүүдэд таатай байхгүй л болов уу. Дээрээс нь айлын дэвжээн дээр тоглох сэтгэл зүйн хувьд амаргүй. Эхний тоглолтод Зүүн Тиморын үзэгчид цэнгэлдэх хүрээлэнгээр нэг орилолдоод манайхныг нэлээн сандаргасан гэнэ лээ. Эхний хэдхэн минутад ойрхон хоёр гоол алдсан нь сэтгэл зүйтэй, тэндхийн хөгжөөн дэмжигчидтэй холбоотой байж мэднэ. Тэгэхээр энэ бүхний хариуг өнөөдөр хатуухан барих хэрэгтэй. Тоглолт 16.00 цагт эхлэх бөгөөд цэнгэлдэхийн үүдийг 14.00 цагт нээх юм билээ. Тоглолтын тасалбар 5000 төгрөгийн үнэтэй. Гэвч тасалбар цөөн хэдэн ширхэг үлдсэн байгаа гэсэн.

Энд Зүүн Тимор гэж ямар улс вэ гэдэг талаар бага зэрэг тайлбарлая. Зүүн Өмнөд Азийн үзүүрт байрлах Индонез улсаас2002 онд салан тусгаарласан тус улс нь нутгийн унаган иргэд, португали, индонез, австрали зэрэг хүмүүсийн хольцтой сая орчим хүн амтай. Тус улс нь үндсэн хоёр хэлтэй байдгийн нэг нь португал юм билээ. Тийм учраас энэ улсад бразилчууд олноороо амьдардаг, үүнийгээ дагаад ч шигшээ багт нь Бразилийн шидтэнгүүд нэг бус байдаг. Уг нь Зүүн Тимор анх ОУХХ-нд бүртгэгдэж байхдаа 202-т жагсаж байсан. Гэтэл түүнээс хойш арав гаруйхан жилийн хугацаанд амжилт нь хурдтайгаарахиж 20 гаруй шатаар дээшилсэн нь тэр бразилчуудтай холбоотой нь ойлгомжтой.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Монгол залуус чихэвч, ухаалаг бугуйвч, цаг хийж эхэлжээ

Манай залуучууд хүүхдийн байршил тогтоогчтой, утастай бугуйн цаг, ухаалаг бугуйвч, чихэвч зэргийг өөрсдөө хийж эхэлжээ. Тэд бол “Choi hainzan” брэндийнхэн. Брэндийн бүтээгдэхүүнээ борлуулах дэлгүүрээ Баруун дөрвөн замын автобусны буудлын дэргэд уржигдархан нээжээ. Эднийх гурван төрлийн бүтээгдэхүүн хийж зах зээлд борлуулж байгаа юм байна. Дэлгүүр дээр нь очиход борлуулагч залуу угтаж авав. Нээгдээд удаагүй байгаа хэдий ч орж ирсэн залуучууд маш сайхан хүлээж авч байгаа тухай ярилаа.

“Choi hainzan” брэндийн гол бүтээгдэхүүн нь хүүхдийн байршил тогтоогчтой, утастай бугуйн цаг. “Найз” нэртэй энэ бугуйн цагийг хүүхдүүдэд зориулан бүтээжээ. Харахад гоёмсог бугуйн цаг шиг харагдах хэдий ч олон давуу талтай. Аав ээжүүд нь өөрсдийнхөө утсан дээр “Найз” гэсэн апликэйшн татаад хүүхэдтэйгээ байнгын холбоотой болно гэсэн үг.

Ингээд GPS буюу байршил тогтоогчоор дамжуулан хүүхдээ хаана явж байгааг хянах бүрэн боломжтой. Бас цаган дээрээ тухайн хүүхдийн явах ёстой аюулгүй тойргийг тэмдэглэж болно. Ингэснээр таны хүүхэд аюулгүй тойргоосоо гарах үед утсан дээр мэдээлэл ирдэг юм байна. Бас хүүхэд бугуйн цагаа тайлбал эцэг эхчүүдэд мэдэгдэнэ. Хэрэв эцэг эхтэйгээ хамт явж байгаад олон хүнтэй газар төөрөх тохиолдолд 10-15 метр газар холдсон бол мөн л утсанд мэдээлэл ирж таны хүүхдийг хаана байгааг зааж өгөх гэнэ. Ингээд болоогүй хүүхэд тань хичээлээ тасалсан мөртлөө сургууль дээрээ байна гэж худал хэлбэл бугуйвчны эзэнд мэдэгдэлгүйгээр залгаж орчных нь дуу чимээг сонсож болох ажээ. Энэ үед бугуйвчны нүүрэн дээр дуудлага ирж байгаа, дуу чимээг нь сонсож байгаа ямар нэгэн зүйл мэдэгдэхгүй. Гар утасны сим ордог болохоор дотнын гурван хүн рүүгээ дуудлага хийж болно. Бас гаднаас найман хүний дуудлагыг хүлээж авах боломжтой. Жишээлбэл, тухайн хүүхдийн сануулсан гурван дугаар болох аав, ээж, ах руугаа залгаж болно. Харин хүүхдэд тань ямар нэгэн аюул тулгарсан бол бугуйвчин дээрх SOS товчоо ганцхан дарахад гадагшаа дуудлага хийдэг гурван хүн рүү нь автоматаар залгагдана. Эхний дугаар хариу өгөхгүй бол дараагийнх руу нь, бас тэрний дараагийнх руу гэсээр хэн нэгэн нь хариу өгтөл тасрахгүй юм байна. Гэхдээ энэ үед хүүхдэд ямар нэгэн төвөг учрахгүй. Товчлуураа ганцхан удаа дарсан байхад хангалттай. Ингээд аав ээж нь дуудлагыг хүлээн авсан үед чанга яригчаар шууд холбогдох ажээ. Уг бугуйвч хүүхдэд зориулсан тод өнгөтэй буюу цэнхэр, ягаан, шар, ногоон гэсэн дөрвөн өнгөний сонголттой. Үнийн хувьд 199 мянган төгрөг юм билээ. Бага насны хүүхдүүд гар утас хэрэглэн түүнээсээ болж хулгайч нарын хараанд өртөх магадлал өндөртэй байдаг учраас ийм төрлийн гэмт хэргээс сэргийлэх гэж уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэжээ. Бас орчин үед хүүхдүүд гэртээ гар утсаа бариад удаан сууснаас болж хөдөлгөөний дутагдалд орж байгааг ч бас давхар бодолцсон байна. Материал нь хүүхдэд ямар нэгэн харшил өгөхгүй гэсэн.

“Choi hainzan” брэндийн дэлгүүрт нас, насныхан орж ирэх ажээ. Аав ээжүүд хүүхдэдээ дээрх бугуйн цагийг авч өгөхөөр сонирхох юм. Бас ухаалаг бугуйвчинд ч дурлах юм. “Range” нэртэй ухаалаг бугуйвч калори хэмжигчтэй учраас спортоор түлхүү хичээллэж байгаа, эсвэл биеийн жингээ барихыг хүссэн хүн бүр хэрэглэхэд тохиромжтой. Ерөнхийдөө спортоор хичээллэх сонирхолтой хүн бүрт хэрэгтэй юм байна. Уг бугуйвчийг зүүгээд явж байгаа хүн алхаагаа хэмжиж болно. Мөн хэдэн метр алхсанаа мэдэх боломжтой. Нэгэнт худалдаж авсан бугуйвчиндаа сэрүүлэг тавьж бас болох юм билээ. Дээрээс нь гар утсанд тань ямар дуудлага, хэдэн мессэж ирснийг бугуйвчаараа дамжуулан мэдэж болно. Уг бугуйвч 99 мянган төгрөгийн үнэтэй.

Дэлгүүрт орж ирж байгаа хүмүүсийн хамгийн их сонирхож байгаа бүтээгдэхүүн нь “Escape” чихэвч. Өөр дээрээ дуугаа солих, ухраах, дахин сонсох, гүйлгэх, асаах, унтраах, дууг нь чангалж сулруулах зэрэг товчлууртай. Бас микрофон, картны оролттой. Бусад ямар ч чихэвчинд байдаггүй давуу тал нь FM татаж болно. Картны оролттой болохоор өөрийн дуртай дуу, бичлэгээ суулгаад хүссэн газраа сонсоод явж байхад ямар нэгэн саадгүй. Чихэвчний өнгө үзэмж ч тун дажгүй юм билээ. Дэлхийд алдартай, үнэтэй гэгддэг “beats”-ын чихэвчнээс илүү гарна уу гэхээс дутахааргүй мэт санагдаж байв. Үнэ нь 149 мянган төгрөг. Энэхүү чихэвчийг дэлгүүрээр үйлчлүүлж буй залуус нэлээн сонирхож байсан. Тэдний амнаас “Манайхан өөрсдөө хийсэн гэхэд итгэмээргүй сайн бүтээл болжээ. Үнэхээр бахархаж байна” гэх магтаалын үгс гарч байлаа.

“Choi hainzan” брэндийг Ч.Цогтбаяр гэх залуу санаачилжээ. Тэрээр АНУ-д мэдээллийн технологийн чиглэлээр амжилттай суралцаж эх орондоо ирээд уг брэндийг байгуулахаар санаачилсан байна. Түүнтэй Б.Мөнхзаяа гэх залуу хамтран “Choi hainzan” брэндийг үүсгэн байгуулжээ. Б.Мөнхзаяа Ирландад хөрөнгө оруулалт, үнэт цаасны чиглэлээр суралцаж төгссөн. Хоёр залуу жил гаруй хугацаанд зүтгэсээр бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж байгаа юм билээ. Тэд ямар программтай бүтээгдэхүүн хийх, тэр нь яаж ажилладаг, ямархуу загвартай, өнгө үзэмжтэй байх вэ гэдгийг өөрсдөө шийддэг. Харин одоогоор эх орондоо үйлдвэрлэх боломж тааруу учраас Хонконгт захиалгаар хийлгэдэг гэсэн. Нэг үгээр хэлбэл бүтээгдэхүүнээ бэлэн болгосон хойноо угсралтын ажлыг гадаадад хийлгэж байгаа ажээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Супер лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өндөрлөх дөхлөө

Үндэсний супер лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд долоо хоногийн дараа өндөрлөнө. Тэмцээнд эрэгтэйчүүдийн 11, эмэгтэйчүүдийн таван баг өрсөлдөж байгаа. Багууд дунджаар 18 тоглолт хийгээд байгаа бөгөөд эрэгтэй багийн тоглолтыг “СБЛ Хасын хүлгүүд” тэргүүлж байна. Тус багийнхан 11 хожил, зургаан хожигдолтойгоор жагсаалтын эхэнд бичигдэж байгаа бол “Увс Эрдэнэдрийлинг ригс” багийнхан 11 хожил, найман хожигдолтойгоор удаалсан. Жагсаалтыг тэргүүлж буй багийн хувьд Б.Соронзонбаатар эзэнтэй, өнгөрсөн жилийн лигийн аварга баг. О.Баярцогт дасгалжуулагчийн удирдлагаар лигт өрсөлдөж буй тэдний багийн лидер тоглогч Б.Билгүүн сүүлийн гурван ч тоглолтод оролцоогүй. Өөрийн багаа өнгөрсөн жилийн лигийн аварга болоход үнэтэй хувь нэмэр оруулж, ялалтад хүргэсэн тоглогчоо Б.Соронзонбаатар эзэн урамшуулахаа мартсангүй. Сагсан бөмбөгийн спортын жинхэнэ халуухан ертөнц болох NBA-ийн тоглолтыг үзээд ир гээд Америк руу явуулсан.

Энэ тухай мэдээлэл лигийн тэмцээн үзэхээр Спортын төв ордонд ирсэн залуусын дунд шуугиан тарьж байна. “Б.Билгүүнийг цаашдаа олон улсын тавцанд гарах тамирчин гэж үнэлж байгаа болохоор Америк руу явуулсан. Тухайн орчныг өөрийн нүдээр үзэж, биеэр мэдэр гэж явуулсан тун оновчтой шийдвэр байлаа”, “Охидын анхаарлын дунд байсан Б.Билгүүн сая нэг найз охинтой болсон. Бал сараа тэмдэглэхээр Америк руу хамт явсан” гэх мэтийн яриа ид буцалж байна. Басхүү “СБЛ Хасын хүлгүүд” багийн эзэн сагсан бөмбөгийн спортод хөрөнгө хаяж чаддаг тухай ам уралдан ярьж байгаа. Тус багийн тоглогчид сард дунджаар 800 мянган төгрөгийн цалинтай байдаг бөгөөд сайн тоглох тусам цалин нь өсдөг. Тухайлбал, Нью-Йорк хотод NBA-ийн цуврал тоглолт үзэж байгааБ.Билгүүн л гэхэд 1.2 сая төгрөгийн цалинтай ажээ. Тэрээр уржигдар эх орондоо буцаж ирсэн бөгөөд хоёрдугаар тойргийн үлдсэн тоглолтуудад хүчин зүтгэнэ.

Үндэсний супер лигийн баг тус бүр нийт 20 тоглолт хийх ёстой. Одоогоор багуудад 2-3 тоглолт үлдээд байгаа. Хоёрдугаар тойрогт тоглож буй 11 багаас гурав нь хасагдаж, энэ жилийн лигийн тэмцээнийг бүр мөсөн орхино гэсэн үг. Үлдсэн улирлын тоглолтуудыг үзэгчдийн суудлаас үзэхгүйн тулд чаддаг бүхнээ дайчлахаас өөр аргагүй. Тэгэхээр ирэх долоо хоногт гал авалцсан ширүүхэн тоглолтууд болох нь гарцаагүй юм. Одоогоор “Сентоза арслангууд”, “Гэгээн хангай лидер”, “Хэнтий Чингэс сити” багийнхны хувь заяа бүрхэг байгаа. Энэ гурван баг хасагдах магадлал өндөртэй буюу жагсаалтын сүүлийг мушгиж байгаа юм. Тэгэхээр жагсаалтын наймд бичигдэж, лигт үлдэхийн төлөөх авьяас чадвараа харуулсан тоглолтуудыг үзэх нь. Эдгээр баг өөр өөрсдийн сул талтай. “Сентоза арслангууд” гэхэд бөмбөг алдалт ихтэй, нэг тоглолтод дунджаар 25 удаа бөмбөг алдаж байна гэх статистик мэдээлэл байна. Нарийвчилбал тоглолтын сүүлийн мөчид буюу цаг дуусахаас нэг, хоёрхон минутын дотор гурваас дөрвөн бөмбөг алдаж байгаа нь шүүмжлэл дагуулаад байгаа. Бас хамгаалалт тийм ч сайнгүй байгааг үзэгчид ярьж байна лээ. “Гэгээн хангай лидер”-ийнхэн дундын болон холын зайн шидэлт маш их алдаж байгаа бол “Хэнтий Чингэс сити” багийнхан маш бага довтолж байгаа нь ялагдалд хүргэж буй гол шалтгаан болжээ. Харин “Их өргөө аравтууд”, “Дорнод танан гарьд”, “Төв аймаг төв ургац”, “Мон-Алтиус мадимос шонхрууд” багуудын тухайд айдгаа авдрандаа хийчихсэн гэхэд болно. Ямартай ч жагсаалтын дундуур бичигдэж буй болохоор гуравдугаар тойргийн тоглолтуудад үлдэх бололтой. Хоёрдугаар тойргийн тоглолтын эргэн тойрныг товчлон хүргэвэл “Дундговь Альянс тех харцага” болон “Хан талстын ирвэсүүд” багуудын ялалт, ялагдлын тоо ганцхан онооны зөрүүтэй байгаа юм. Хоёулаа есөн хожилтой байгаа. Тэгэхээр үлдсэн тоглолтуудад хэн сайн тоглосон нь жагсаалтад дээгүүр бичигдэнэ.

Үндэсний супер лигийн тэмцээнийг сүүлийн хэдэн жил тун сонирхолтой болгож буй легионер тоглогчид энэ жил ч бас тэмцээнийг ширүүхэн болгож байна. Нэг багт 1-3 гадны тоглогч бий бөгөөд тэд өмнөх жилүүдэд ачааллын дийлэнхийг нуруундаа үүрдэг байсан бол өнөө жилээс Б.Билгүүн, Т.Санчир нарын тамирчид гадныхнаас дутахгүй оноо цуглуулж чадаж байгаа. Сонирхуулахад долоо хоног бүрийн сондгой өдрүүдэд болж байгаа тэмцээний үзэгчдийн дийлэнх нь эрчүүд ч гэлээ 30 гаруй хувийг нь бүсгүйчүүд эзэлдэг гэсэн. Лигт тоглож буй залуучууд бие бялдрын хувьд хэнээс ч дутахгүйн дээр царай зүсээр ч тун давгүй байдаг тухай сагсан бөмбөг сонирхогч охидууд ярих юм билээ. Дээрээс нь хүчин зүтгэж буй багаасаа тун боломжийн цалин авдаг. Лигт тоглож буй тамирчид доод тал нь сар бүр 450 мянган төгрөг халаасалж байгаа бол лидерүүд 1.2 сая төгрөгийн тогтсон цалинтай. Легионерууд харин дунджаар 1500 ам.долларын цалин авдаг ажээ.

Супер лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд ирэх сарын 8-нд дуусах бөгөөд долоо хоног амарсны эцэст жагсаалтыг тэргүүлсэн найман баг цааш өрсөлдөнө. Гуравдугаар тойрогт үлдсэн найман багаас тал нь хасагдаж лигийн аваргын төлөө тоглох юм.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Дэлгүүрүүд Мартын 8-ны цэцгийн захиалгаа аваад эхэлжээ

Мэдрэмжтэй эрчүүдэд хүүхнүүд дуртай байдаг. Хүүхнүүд үерхдэг залуугаа илүү сайн мэдэхийг хүсвэл Мартаар аваад очих цэцгийн баглааг нь хараарай гэж цэцгийн дэлгүүрийн худалдагч бүсгүй хэлэв. Учир нь зүгээр л нэг өнгийн цаасаар боосон цэцгийн баглаа үеэ өнгөрөөжээ. Хэдэн жилийн өмнө цэцэгнийхээ хажуугаар баахан навч, ургамал хийн гурвалжилж боогоод гадуур нь өнгө өнгийн цаасаар ороон томоо туузаар чимэглэдэг байсан. Тэгвэл сүүлийн хоёр жил өнгөгүй цаасаар цэцгээ боодог болоод байлаа. Харин өнөө жил байгалийн гэж хэлж болохоор бор, ногоон, хөх өнгийн цаас сонгодог болжээ. Бор бордоо бүр дээхнэ үеийн цөцгийн тосны гэмээр цаасаар цэцгийн баглааг боодог болжээ. Эко хэрэглээний тухай ярьдаг болсон өнөө үед байгальд ээлтэй иймэрхүү цаасан чимэглэлийг дэлхийн олонх улс хэрэглэж байгаа нь манайд ч гэсэн ороод ирчихэж. Янз бүрийн тод өнгөтэй, гялгар уутан чимэглэлийг оруулж ирэхээ ч больсон тухай цэцгийн дэлгүүрийнхэн ярьж байна. Удахгүй болох мартын 8-наар ямар цэцэг сонгох, үнэ ханш нь хэд байх, яаж боолговол тансаг харагдах тухай сурвалжлахаар 13 дугаар хорооллын гурван өндөр буюу “Монгол экспо” дотор байх “Лили” цэцгийн салоноор орлоо. Эднийх цэцгийн баглаагаа зүгээр нэг боож чимэглээд зардаггүй.

Өгөх гэж байгаа хүндээ үнэхээр их сэтгэл гаргаж дээ гэж санагдуулахаар чимэглэдэг. Таван ширхэг сарнайтай баглаа боолголоо гэхэд ямар хүнд өгөх гэж байгаа, тухайн хүн ямар өнгөнд дуртай, юу сонирхдог, өгөх гэж байгаа хүн нь юуг илэрхийлэх вэ гэдгийг нарийн сайн судалдаг ажээ. Ингээд хайр сэтгэлээ илэрхийлэх гэж байгаа юу, эсвэл хүндэтгэж явдгаа илтгэх үү гэдгээс хамааран чимэглэдэг юм байна. Бас сүүлийн үед Италийн “Raffaelo”, “Ferrero rocher” зэрэг чихэртэй баглаа боох болжээ. Бас төрөл бүрийн дарс, лаа зэрэг бэлэг дурсгалын зүйлс худалдаж байв. Цэцгийн тухайд ягаан, цагаан, улаан, шар өнгийн сарнайгаас гадна лили, алтанзул, сараана зэргээс гадна гоо даль, хайтан зэрэг таримал цэцэг ч бий. Үнийн хувьд баглаа боодлоосоо хамааран харилцан адилгүй. Таван ширхэг сарнай цэцэгтэй, гурван ширхэг чихэртэй баглаа 25 мянга, зүрхэн хэлбэртэй, зүрхний хэлбэрт оруулан боосон дан чихэр бүхий баглаа 45 мянга, 17 ширхэг сарнайтай 16 ширхэг чихэртэй баглаа 85 мянга, 21 ширхэг сарнайтай 16 ширхэг чихэртэй баглаа 95 мянган төгрөгийн үнэтэй. Гэхдээ тухайн хүн цэцгийн баглаагаа яаж боолгохоо урьдчилан захиалж өөрийн хүссэнээрээ цорын ганц загвартай байлгаж болно. Мөн хот дотор 5000 төгрөгөөр хүссэн газартаа хүргүүлэх боломжтой ажээ. Сүүлийн үед залуус дан ганц цэцгийн баглаа гэхээсээ илүүтэй чихэр, дарс зэрэгтэй хослуулан баярын баглаа худалдан авдаг болсон гэнэ. Ерөнхийдөө 35-150 мянган төгрөгийн хооронд цэцгийн баглаа сонгох боломжтой юм байна. Бас хайртай бүсгүйдээ зориулан 247 ширхэг сарнай бэлэглэх бол урьдчилсан захиалга өгөөд хүссэн газартаа хүргүүлэх боломжтой гэдгийг тус дэлгүүрийнхэн ярьж байлаа.

Засгийн газрын ордны ард байрлах “Flora” цэцгийн дэлгүүрээр оров. Одоогоор худалдан авагч цөөн байгаа ч гэлээ урьдчилсан захиалга өгч байгаа хүн олон байгаа гэнэ. Залуучууд хайртай бүсгүйдээ, ээжүүддээ, хамт ажилладаг хүндэлж явдаг эмэгтэйдээ өгөх цэцгийн баглаагаа захиалж эхэлжээ. Уг дэлгүүрт мартын 8-наар эрэлт ихтэй байдаг нь өнгө өнгийн сарнай, бас лили цэцэг гэсэн. Эрэгтэй хүнд чамин биш, урт иштэй сарнай, лиш, том ширхэгтэй алтанзул бэлэглэвэл зохистой байдаг бол эмэгтэй хүнд ямар ч цэцэг тохиромжтой байдаг ажээ. Гэхдээ тохиромжтой гээд хаа, хамаагүй цэцэг өгч болохгүй. Ямар цэцэг өгөхөө мэдэхгүй байвал ахимаг насны эмэгтэйд гоёлын ногоон юмуу цэцэглэдэг ваартай ургамал бэлэглэхийг зөвлөдөг юм байна. Сарнайн тухайд улаан нь хайр дурлалын бэлгэдэл. Бас гоо үзэсгэлэнг нь бахаддаг нэгэндээ улаан өнгийн сарнай бэлэглэж болно. Ягаан сарнай сүр жавхлан, хээнцэр, тансаг байдлыг илэрхийлэл. Шар сарнай дулаан уур амьсгал, аз жаргалын илтгэдэг бөгөөд ихэнх тохиолдолд найз нөхдөдөө бэлэглэхэд тохиромжтой байдаг ажээ. Бас сарнайн олон төрлүүдээс хамгийн гоё үнэртэйд шар сарнай тооцогдохын зэрэгцээ сэтгэл санаа гундуу нэгэндээ эрч хүч нэмэхийн тулд уг цэцгийг сонгоорой. Харин цагаан сарнай гэнэн цайлган, цэвэр ариун байдлын илэр­хийлэл. Хурим найр болон шинэ зүй эхлэхэд цагаан сарнайг сонгодог. Бас хайртай бүсгүйтэйгээ гэрлэх талаар боддог бол цагаан сарнай бэлэглэн өөрийн сэтгэлээ илэрхийлж болдог гэнэ. Учир нь цагаан сарнай хуримын ёслолыг авчирдаг хэмээн үздэг байна. Товчлоод нэг үгээр хэлбэл улаан сарнай би чамд хайртай, ягаан сарнай надад итгээч, цагаан сарнай би чамд тохирно гэсэн утгатай юм байна. Харин хадаасан цэцэг аливаа зүйлд үнэн голоосоо бишрэн итгэхийн илэрхийлэл, алтан зул алдар нэр, амжилтыг, сараана цэцэг ариун, энхрий байдлыг илтгэдэг ажээ.

Сонирхуулахад цэцгийн тоо ч мөн адил өөрийн гэсэн бэлгэдэлтэй байдаг юм байна. Нэг ширхэг бол чи надад цорын ганц.Гурван ширхэг нь чамтайгаа хамт дэлхийг тойрмоор байна, тав нь би чамд хайртай, долоо нь хоёулаа гэрлэе, ес нь чамайг найзын ёсоор хүндэлнэ гэсэн утгатай. Арваас дээш болоод ирэхээрээ тэгш тоотой байж болдог байна. Арван ширхэг цэцэг чиний төлөө ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байна, арван нэг нь чи миний жирийн найз, арван хоёр нь одоо хэцүү байгаа ч бүх зүйл сайхан болно, арван гурав нь би чамайг үзэн ядаж байна, арван дөрөв нь чи миний цорын ганц эрдэнэ, арван тав нь чи миний хүндэтгэлийг хүлээсэн хүн гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Мөн сүүлийн үед залуучууд 67, 69 ширхэгтэй цэцгийн баглаа худалдан авдаг болсон талаар цэцгийн дэлгүүрийн худалдагчид ярьж байлаа.

С.АЛТАН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.Нацагдорж: Энэ бол гадны нөхдүүд Монголын лам нарыг талцуулж, улс төрийн ашиг хонжоо хайх гэсэн явуулга

Манба дацан хийдийн хамба лам Д.Нацагдоржтой ярилцлаа.

Сүм, хийдийн тэргүүн хамба лам нар гаднаас ихээхэн хэмжээний санхүүжилт авсан тухай мэдээлэл гарсан. Энэ тухай тодруулахгүй юу?

-Өнгөрсөн даваа гаригийн сонин дээр “Хийдийн хамба лам нар гадныхнаас их хэмжээний санхүүжилт авсан гэв үү” гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Үүнд би өөрийнхөө зүгээс хариулт өгье. Зүв зүгээр ажлаа хийж яваад Монголын нийт ард түмэнд хэвлэл мэдээллийн байгууллагаар гүтгүүлнэ гэдэг тун харамсалтай. Гарчигнаас эхлээд доторх мэдээлэл нь худлаа. Би 1990 оноос эхлэн Монголын бурхны шашин, анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт 25 жил ажиллаж байна. Энэ хугацаанд ард түмнээс, найз нөхдөөсөө нэг ч удаа хандив гуйгаагүй. Гадаадад урилгаар очиж ажиллахдаа нэг доллар, нэг юань гуйж үзээгүй. Өөрийнхөө хөдөлмөр, ухааныхаа хүчинд найддаг. 25 жил хөдөлмөрлөчихөөд ингэж бичүүлж байгаадаа гайхаж байна. Сүүлийн үед “Оточ манрамба” дээд сургуулийн 9 давхар өргөтгөлийн барилга, “Манба дацан” эмнэлгийн 9 давхар өргөтгөл барьж ашиглалтад оруулсан. Ийм томоохон хэмжээний бүтээн байгуулалтын ажил хийгээд эхлэнгүүт гаднаас мөнгө аваад барилга барьж байна гэж ойлгож байгаа бололтой.

Аравдугаар Богдтой холбоотой асуудлыг бас бичсэн байсан?

-Би IX Богдтой 1990 онд анхлан уулзаж байлаа. Бурхны оронд залрах хүртэл нь уулзаж байсан номын шавь нь. Олон зүйл дээр итгэлийг нь дааж явсан болохоор надад итгэл үзүүлдэг байсан. Тэрийгээ хожим бичиж үлдээнэ. Харин Богд багшийг таалал болсноос хойш Гандантэгчинлэн хийд болоод бусад газрынхан дараагийн дүрийнх нь тухай ярьж эхэлсэн. Уг нь би Монголын буддын нийгэмлэгийн ерөнхийлөгчийн албыг хашиж буй. Бас Монголын бурхны шашныг өдий зэрэгтэй болгоход миний оруулсан хувь нэмэр их. Тэр үүднээсээ Богдын дараагийн дүрийг тодруулах асуудалд зүй ёсоор оролцох хүн мөн үү гэвэл мөн. Гэхдээ оролцохгүй, ажиглаад байж байгаа. Гэтэл ямар учраас аравдугаар Богдын асуудалд намайг хутгав. Яг үнэн чанартаа X Богдыг монголчууд өөрсдөө тодруулах боломж бий. Бодит байдал дээр Монголынхоо X богдыг гадны оролцоогүйгээр тодруулах нь уу, үгүй юу гэдгийг харж л бай, аяндаа мэдэгдэнэ. Би монгол хүнийхээ хувьд IX Богдын талаар шашны тэргүүнүүд, үе тэнгийн номын нөхөдтэйгээ уулзаж “Богдыг залж авчраад таалал барихаас нь өмнө дараагийн дүр нь Монголоос төрнө гэсэн өөрийнх нь аман зарлигайлдварыг сонсох харах хэрэгтэй” гэж хэлдэг байсан. Богд маань бидэнд тийм боломж хайрласан. Гэтэл үүний цаана өөр том хүч байна. Хэрвээ хэрэгтэй болбол асуудлыг маш нарийн ярина. Мөрөөрөө явж байхад иймэрхүү асуудал ярьж байгаа нь буруу. Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ гэсэн үг бий.

Яагаад ийм мэдээлэл гарсан гэж та бодож байна вэ?

– Далай ламын тодруулсан Банчин богд үнэн, өнөөдрийн Банчин богд худлаа гэсэн яриа лам нарын дунд гардаг юм билээ. Энэ бол гадны нөхдүүд Монголын лам нарыг хооронд нь талцуулж, улс төрийн ашиг хонжоо хайх гэсэн бодит явуулга гэж бодож байна. Далай ламын хүмүүс Хятадын ард түмэнтэй улс төрийн ямар асуудалтай байдаг нь надад болоод монголчуудад тийм сонин биш. Бид үүнээс ангид байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр гадны нөхөд биднийг дотор нь үймүүлж байна. Тэдгээр хүмүүсийг даган баясдаг нөхөд Монголынхоо лам нартай асуудал үүсгэх гэж байгаа бол арай өөрөөр ярина. Би Монголын төлөө зүрх сэтгэлтэйгээр энэ яваа насаа дуусгана. Танай сонинд хандсан нөхдийг гадны хүмүүсийн гар хөл болж хямрах хэрэггүй гэдгийг хэлмээр байна. Хүний араас гүтгэж өөр хоорондоо муугаар хэлж доромжлох гэж байгаа бол ил тод гарч ирээд ярьж болно. Сонин хэвлэлээр тоглоом хийгээд хэрэггүй. Гэхдээ энэ нийтлэлийг хараад байхад харин ч дуугүй явах нь буруу байсан юм гэдэг сэдлийг өгчихлөө. Надад нэг талаас сайн тус болчихов уу гэж ойлгож байна. Би их олон зүйлийг мэдэж байгаа хүн шүү дээ. Номын ухаанаар л тэвчиж хорих сэтгэл үүсчявж байна.

Дараагийн нэг асуудал нь Банчин богд түвд хүн. Лхас юм уу, Түвдүүдээс тодруулсан байдаг. Банчин богд гэлүгвагийн шашны нэлээн том төлөөл мөн үү гэвэл мөн. Түүхэнд монголчууд Банчин богдтой холбоотой байсан нь тэмдэглэгдэж үлдсэн. Монголын анхдугаар Богдоос эхлээд олон хутагт хувилгаадыг үе, үеийн Банчин богд тодруулж ирсэн түүхтэй. Бас олон үеийн Банчин богдын гаргасан зохиол бүтээлийг монголчууд уншаад гүн ухаан, зурхай, анагаах ухааны номуудыг үзээд, судлаад явж байгаа хүмүүс шүү дээ. Гэтэл өнөөдөр яагаад гэнэтхэн энэ хүнд дургүй болчихов. Банчин богдыг тодруулах нь бидний ажил биш. Тэгсэн мөртлөө яагаад дургүйлхээд байна вэ гэдэг нь гадны нөхдийн гүн явуулга улам газар авч байгаа хэрэг. Монголын лам нарыг дээрэлхэж болдог юм байна гэж бодож байвал тийм биш.Бид Монголын төлөө зүрх сэтгэлтэй, эх орондоо буяны ажлаа чадах хэмжээгээр хийж яваа. Ганцхан Түвдийн лам нар ном үздэг юм биш. Монголд эрдэмтэй, номтой хүмүүс байгаа гэдгийг хэлье.

Нөгөө талаар анхдугаар Богд Банчин богдод бараалхаж Монголынхоо ард түмний тусын тулд Чогдон жалва манал Богд өндөр гэгээн гэдэг номыг айлдуулж байсан түүхтэй. Өнөөдөр бүх хийдүүд, бүх лам нар дээрх номыг уншиж байгаа.

Би Монголын буддын нийгэмлэгийн ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа. Нэлээд олон хийд энэ байгууллагын гишүүн. Дэлхий дээр буддын нийгэмлэгийн байр суурь өндөр байдаг юм билээ. Харин манайд шашны байгууллагад тулгамдаж буй олон асуудал байна. Лам нар маань асуудал тавиад байхаар нь хот, хөдөөгийнхөө лам нартай уулзаж ярилцахаар урьсан юм.

Хэзээ тэр вэ?

-Өнгөрөгч арванхоёр­дугаар сард болсон хурал.

Ямар учиртай хурал байв?

-Хурал хурна гэж огт хэлээгүй. Хуралдъя, өөрсдөдөө тохиолдоод байгаас асуудлыг хэлэлцье гэсэн байдаг. Цуглаад цөөхөн хэдэн асуудлаар хуралдсан. Лам хуврагуудын сургалт, эрдэм номын ажил юу болж байна вэ, шашны байгууллагын санхүү мөнгөний асуудал ямархуу байна вэ, яаж хөгжих вэ, юу хийх вэ гэдгээ ярилцсан. Бурхны шашныг яаж хөгжүүлэх вэ гэхээр өөрсдийн санхүүгийн боломж бололцоо муу. Тэгэхээр энд тэнд явж байхдаа “Бидэнд тусалчих хүн байдаг болов уу. Санхүүгийн дэмжлэг авахад ямар хүмүүстэй уулзах вэ” гэж бодно. Харин манай нийгэмлэгт зөвхөн Хятад биш олон улсын сүм хийдтэй соёлын харилцаатай. Ном буяныхаа ажлаар холбоотой. Хийд орноо яаж ийм гоё тансаг, сайхан авч явж байна вэ гэдгийг асууж, зөвлөгөө авдаг. Олон хийдийн лам нар “Сүүлийн үед Монгол Улсад БНХАУ-аас манай улсад санхүүгийн тусламж үзүүлж байгаа юм байна. Бидшашнаа хөгжүүлэхээр тусламж дэмжлэг авч болдоггүй юм уу” гэж ярьсан. Гэтэл “Тийм бол ямар сувгаар холбогдох уу” гэсэн санал гарсан. Тэгэхээр нь Хятадын элчин сайдын яамнаас хүн уриад мэдээлэл авахаар урьсан юм.

Хятадын элчингээс хүн ирсэн үү?

-Хүсэлт тавьсны дагуу элчингээс хүн ирсэн. Ирэхээр нь цугласан бүх лам нар өөрсдийнхөө асуудлыг ярилаа. Гэтэл та бүхэн их сайхан зүйл ярьж байна. Та нарын тавьж байгаа асуудал бурхны шашинд чинь тулгамдаж байгаа юм байна гэдгийг ойлголоо. Гэхдээ та бүхэн тодорхой хэмжээний төсөл хөтөлбөр боловсруулаад Монгол улсынхаа Засгийн газарт хүсэлтээ тавиарай. Монгол Улсын Засгийн газар энэ асуудлыг авч үзээд шаардлагатай гэвэл бид анхаарал хандуулж болох талтай гэсэн. Гэтэл манайд төр, шашин тусдаа байна гээд заачихсан байгаа. Тэгэхээр Засгийн газраар дэмжигдэнэ гэдэг боломжгүй болчихож байгаа юм.

Хуралд хэдэн хийдийн төлөөлөл ирсэн бэ?

-Хорь гаруй хийдийн жар орчим лам хуврага цугласан. Дашчойлин хийдийн хамба лам ирээгүй, өөр хэдэн лам ирсэн байсныг харсан. Бид цуглаад бурхан шашнаа яаж хөгжүүлэх вэ л гэж ярьсан байгаа. Бид цаашдаа буддын шашинтай улс үндэстэн, хувь хүмүүстэй ямар нэгэн соёлын болоод анд нөхдийн, бурхан номын холбоотой байх эрх нээлттэй. Сонинд нийтлэл гарсны дараа би маш их ичлээ. Хятадын талын хүмүүс энэ нийтлэлийг уншсан л байлгүй. Нацагдорж хамба болоод бусад лам нар биднээс мөнгө авсан гээд ярьдаг юм байх даа гэж бодох вий гэж эмзэглэсэн. Монголын бурхны шашныг, монгол лам нарын нэр хүндийг гадныхантай нийлж дордуулж байгаа асуудал газар авч байгаа. Үүнд бид тэвчээртэй хандаж байгаа. Нэг өдөр тэвчээр алдрахыг хэн байг гэхэв. Нөгөө талаар хоёр үндэстэн ястны асуудлыг өөрсдөдөө татаж авчирч, дотроо асуудал үүсгэж болохгүй. Гэхдээ ямар ч улс үндэстэнтэй төв үзлээ барьж, эв түнжинтэй явах хэрэгтэй.

Өнгөрсөн сард Хятадын хоёр иргэн амиа алдахад та болон бусад лам нар очиж ном уншиж өгсөн байсан?

-Хятадын элчин сайдын яамнаас бидэнд хандсан юм. Надад “Бурхны шашинтай хүмүүс бүх л хүнд нинжин сэтгэл үүсгэдэг гэж та бүхэн ярьдаг. Манай хоёр иргэн нас барчихлаа. Очоод ном уншаад өгөхгүй юу” гэхээр нь за гээд очсон. Дашчойлин хийд, З.Санждорж ламын хийд болон манайхаас лам нар очсон. Очоод арваад минут ном уншаад гарч явсан.

Танай эмнэлэг, сургуулийн хоёр том өргөтгөл барих хөрөнгийн эх үүсвэр хаанаас гарсан бэ?

-Ариун цагаан хөдөлмөрийн үр шим. Манай байгууллага Монгол Улсын олон хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулан улсад татвараа ч төлдөг. Бас төрийн тусламж дэмжлэгийг хүртэж, Монголын ард түмний шашин, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт бодитой хувь нэмэр оруулж, бусдын тусыг бүтээж явна.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургийг

Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Асрамжийн газрын ахмадууд дулаахан байрандаа тохитой өвөлжиж байна

Батсүмбэр дэх асрамжийн газар өндөр настнуудаас гадна хөгжлийн бэрхшээлтэй, харж хандах хүнгүй хүмүүсийг хүлээж авдаг болжээ. Өдгөө энд 117 хүн байдаг юм байна. Гэхдээ энд байгаа хүмүүсээс дийлэнх нь ахмадууд. Биднийг очих үед тэд өдрийнхөө хоолыг идээд дөнгөж дуусаж байлаа. Хоолны танхимаас гарч яваа өвөө, эмээ нар “Сайхан амттай хоол байна. Эртээдээс хойш шарсан тахиа идье гэж бодоод байсан юм”, “Өрөөндөө орж цамцаа сольчихоод ирье. Шатраа өрөөд сууж байгаарай” гэхчлэн ярьсаар өрөө рүүгээ явцгаав. Хоёр өвөө үүдэнд зогсоо намайг хараад “Хүүхээ чи хотоос ирэв үү” гэсээр дөхөөд ирж байна. Дэргэд ирээд “За Улаанбаатараар сонин сайхан их үү. Жаал сонин сонсъё” гэсээр сандал, ширээтэй өрөөнд дагуулаад ирлээ. Уг өрөө тэдний уулзалтын өрөө бололтой. Өөдөөс харж суугаад “За тариаланчид талбай дээр жагссан гэв үү. Үгүй ер жагсалгүй яахав ээ, тэр олон сарынхаа хөдөлмөрийг үнэлэхгүй болохоор төр засагтаа эсэргүүцэл үзүүлэх нь зөв шүү дээ. Ямар манийг залуу байх үеийн нийгэмд амьдарч байгаа биш. Тэр асгасан буудайг хүмүүс тор, тороор нь аваад явсан гэв үү” гэж асуулаа. Тэгснээ хариу хэлэхийн завдалгүй “Торлож авсан буудайгаа Гандангийн хашаанд тагтааны хоол зардаг хүмүүст хямдхан өгсөн гэж байна лээ” гэв. Бас “Цагаан сарын үзэсгэлэн худалдаа энд тэнд их гарсан гэсэн.

Эртээд тоглолт үзээд буцаж явахад тиймэрхүү хаяг зөндөө харагдаж байна лээ. Тэр үзэсгэлэн худалдаанд цагаан идээ зарж байгаа хөдөөнийхөн хэвийн боовоор биш ааруулаар таваг засахыг уриалж байгаа гэх юм. Миний хүү тэд нарын үгэнд орж болохгүй шүү. Зүгээр хэвийн боовоо аваад тавгийн идээгээ засаарай” гэхчлэн хуучлав. Ингээд болоогүй ээ “Ойрдоо зурагт, радиогоор Хакуход Хөдөлмөрийн баатар цол олгох гэж байгааг их ярьж байна. Тэрийг одоо л мэдээд байхдаа яахав дээ, манай эндхийнхэн аль нэгдүгээр сарын башё дуусахад л цагаан сарын өмнө Хакуход Хөдөлмөрийн баатар цол өгнө гэж ярьж байсан” гэлээ. Ийн ярьж суутал өрөөнийх нь хүн хүрч ирээд “Караокед хүмүүс цуглаж байна. Явж дуулъя” гэв. Дагаж яваад караокены өрөөнд орлоо. 48 инчийн хавтгай зурагттай, орчин үеийн гэрийн кино театртай ажээ. Бас баян хуур, бишгүүр зэрэг хөгжмийн зэмсгүүд ч харагдав. Зурагтаа асаагаад дууны ном эргүүлж байгаад Түмэндэмбэрэлийн “Туулын урсгал шөнөдөө сайхан”-ыг тавиадахлаа. Нэг нь баян хуур тоглоод нөгөө хэд нь дуулахаар болов.

Туулын урсгал шөнөдөө сайхансан

Торгон долгио нь хаялан мяралздагсан

Хоёр ангир дандаа хөвдөгсөн

Холын анир авангаа дуугардагсан гээд л ёстой нэг авч өгч байна. Дээхнэ үед байсан “Бөмбөгөр ногоон”-ыхон л иймэрхүү дуулах болов уу гэмээр цараатай сайхан дуулав. Дуулж байх хооронд сувилагч бүсгүй хаалгаар шагайтал дуучдын маань нэг гараад явчихлаа. Араас нь гартал эмчилгээний өрөө рүү дагуулан явжээ. Очоод даралтыг нь үзэж байна. Эмч нар даралт ихсэх гээд байдаг хүмүүсийнхээ даралтыг өдрийн гурван удаа үзэж өгдөг ажээ. Өглөө, өдөр, орой үзсээр байгаад хүмүүсийнхээ даралтыг хэдтэй байдгийг нэг бүрчлэн цээжилчихэж. “Манайд ер нь даралт ихэсдэг тун ховор доо. Анх ирж байгаа хүмүүсийн дунд даралттай хүн ирдэг л юм. Эмчилгээ, сувилгааны явцад тогтчихдог” гэж байна. Эмчилгээний хэсэг нь их эмчээр ахлуулан ажилладаг ажээ. Их эмч хүн бүрт тогтмол үзлэг хийнэ. Үзлэггүй өдөр байсан ч ахмадууд өөрсдөө өрөөнд нь хүрээд ирдэг гэсэн. Ирээд янз бүрийн л зүйл ярина. “Урьд шөнө жаахан тух муутай унтлаа” гэхээс эхлээд даралтаа яг хэвийн байгаа эсэхийг лавлахаар ирдэг гэсэн. Эмч нар нь ч харьцаа сайтай юм билээ. Хүрээд ирсэн ахмадуудад хэлж зөвлөөд буцааж байв.

Нэгдүгээр давхарт эмчилгээний, караокены өрөөнөөс гадна бурханы өрөөтэй ажээ. Бас үүдний хэсэгт шатар, ширээний теннис, дартс зэрэг тоглоомтой. Ахмадууд хоолоо шингээнгээ ширээний теннис тоглож байгаад өрөөндөө ордог гэсэн. Харин бурханы өрөөнд Бурхан багш, Манал, Авид зэрэг бурхан залсан байв. Мөн Далай ламын томоо гээчийн хөрөг байна. Хөгшчүүлийн ихэнх нь сүсэг бишрэлтэй учраас өглөөд энд орж ирээд бурхан шүтээндээ залбиран арц, хүж уугиулж хэсэг сууж байгаад гардаг гэнэ. Мөн үүдний танхимын том зайд таван ханатай гэр барьчихаж. Уг гэрийг хэдэн жилийн өмнө Германы нэгэн байгууллагаас ахмадуудад бэлэглэжээ. Гэрийг барихгүй удахаар хэлбэрээ алдчих гээд байдаг учраас ийн бариатай чигээр нь байлгадаг юм байна. Басхүү ахмадууд монгол гэрээ үгүйлэхээр дуртай үедээ дотор нь ордог гэнэ. Харин зуны дэлгэр цагт явахыг хүссэн газар руугаа гэрээ ачаад явдаг ажээ. Эднийх гурван автобустай болохоор хөгшчүүлээ суулгаж аваад дуртай газар нь хүргэнэ. Зун бол эндээ байхаас илүүтэй гол ус бараадан налайж байх дуртай ажээ. Харин сэрүү орсон үед үе, үе автобусандаа суун хот орж тоглолт үздэг юм байна. Зарим нь бүр даргынхаа өрөөнд орж ирээд “Намсрайноровын тоглолт тэдэн сарын тэдэнд Бөхийн өргөөнд болох гэж байна. Үзье” гэдэг гэсэн. Энэ үед автобусандаа суулгаад аваад явдаг ажээ. Ер нь ахмадууд мэдээлэл сайтай байдаг гэсэн. Нэг удаа бүр хариуцсан дарга дээрээ орж ирээд “Гэрийн театраараа “Аравт” үзмээр байна” гэжээ. Нэвтрүүлэг юм болов уу, эсвэл тоглолт нөхөж үзэх гээд байгаа юм байх даа гэж бодоод “Юу билээ тэр чинь” гээд асуутал “Ажил, ажил гэж суухаар гадуур дотуур болж байгаа юмыг сайн үзэж байгаач. Тийм кино гараад удаж байна. Олоод ирээрэй” гэчихээд гараад явжээ. Энэ мэтчилэн өвөө, эмээ нар дуртай зүйлээ хүссэн үедээ үздэг юм байна.

Батсүмбэрийн асрамжийн газар байдаг ахмадууд тэтгэврийнхээ 30 хувийг хадгалуулдаг ажээ. Уг мөнгийг тусдаа дансанд байршуулан хуримтлал үүсгэдэг юм байна. Хүндээр өвдөх, зайлшгүй мөнгөний шаардлага гарсан үед хэрэглэдэг гэсэн. Өөрсдийнх нь мөнгө ингэж хуримтлагдаж байгаа гэдгийг ахмадууд нарийн сайн мэддэг гэсэн. Тиймээс хааяа хотод очиж хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ирдэг ажээ. Ирэхдээ хэвтсэн эмнэлгээсээ нэхэмжлэх бариад ирнэ. “Арав хоногийн дотор 1.5 сая төгрөгийн эмчилгээ хийлгэсэн шүү. Мөнгө шилжүүлээрэй” гэсээр ирдэг гэсэн. Тэтгэврийн мөнгөний үлдсэн 70 хувийг өөрсдөө авна. Тэтгэврийнхээ мөнгөөр юу хийж байна вэ гэж асуухад “Хойд дэлгүүрээс ганц шил хатуу юм авна” гээд инээж байна. Энд архи, дарс хэтрүүлэн уухгүй л бол айхтар хориглоод байх зүйлгүй. Гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд аль болох тааваар нь байлгахыг хичээдэг гэж асрамжийн газрыхан ярих юм билээ.

Энд амьдарч байгаа хүмүүсийн дийлэнх нь харж хандаж хүнгүй хүмүүс. Үр хүүхэдгүй, эсвэл хүүхэдтэй байлаа ч аав ээжийгээ асарч чадахгүй нь тогтоогдсон бол энд авчирдаг юм байна. Харин зарим тохиолдолд манай ээжийн тэтгэвэр одоо тэдэн төгрөг болсон байх учиртай. Тэр мөнгийг авмаар байна гэсэн хүмүүс ирдэг ажээ. Бас саяхан нэгэн залуу хүрч ирээд ээжийгээ авч явна гээд сүйд болж. Ээж нь ч хүүхдийндээ очно. Ач, зээ нарыгаа харья гээд байхаар нь явуулчихаж. Гэтэл хэдхэн хоногийн дараа эндхийн нийгмийн ажилтан “Хотоос ярьж байна. Энд танай асрамжийн газрын хүн ирчихсэн байна. Ирж аваач” гэж утасджээ. Машин тэрэг гаргаад яваад очтол өнөө ач, зээгээ харах эмээ зогсож байсан гэнэ. Хүүхдүүд нь гэртээ аваачиж нэг хонуулаад, маргааш нь банкнаас хоёр сая төгрөгийн тэтгэврийн зээл авахуулаад хөөчихөж. Эмээ хүйтэнд даарахдаа Баянхошуун дахь уурын зууханд очжээ. Хүмүүс яав ийв гэхээр нь “Би Батсүмбэрийн асрамжийн газрын хүн байна. Намайг ирж ав гэж хэлээд өг” гэсэн байна. Ингээд асрахынхан буцааж авч явсан гэнэ.

Нийгмийн төлөө сайн үйл хийх хүсэлтэй хүмүүс хамгийн түрүүнд эндхийн асрамжийн газрынхантай холбогддог ажээ. Ирэхийнхээ өмнө утасдаад юу хэрэгтэйг нь асуудаг гэсэн. Хоол унд хангалттай учраас хэвтрийн хүмүүстээ “Baby” биеийн тос, пасперс хоёр захина. Хэвтрийн хүмүүсийн ууц, нурууг байнга тосолж байвал цоордоггүй гэсэн. Сувилгаа сайтай учраас нэг ч хүний нуруу цоороогүй гэдгийг сувилагч нар онцолж байлаа. Мөн ахмадуудыг эргэж ирсэн хүмүүс янз бүрийн л зүйл авчирна. Ерөнхийдөө сайн дураараа өндөр настнуудад туслах хүний хөл тасардаггүй юм байна. Ялангуяа цагаансарын өмнө өдөр алгасахгүй шахам ирдэг ажээ. Ирсэн хүмүүс ахмадуудад бэлэгтэй ирнэ. Асрамжийн газар нь хоол сайтай учраас хэр баргийн идэх юмыг голоод иддэггүй гэсэн. Чоко пайг л гэхэд уут уутаар нь сувилагчдынхаа өрөөнд овоолоод тавьчихсан байдаг ажээ.

Хоёр давхарт нийтийн зурагт, ном уншлагын өрөөтэй юм байна. Ахмадууд дотроо бие засах өрөөтэй, зурагттай өрөөнд байдаг ч гэлээ бөөнөөрөө сууж кино үзэх дуртай гэсэн. Өрөө нь дулаахан гэж жигтэйхэн юм. Зурагтын өрөөнд ортол сар шинийн яриа өрнөж байв. Том ширээ засдаг, төрийн гурван өндөрлөгийн нэгэн адил гурван том ууцтай, гурван тавгийн идээтэй ширээ засдаг тухайгаа сонирхуулж байна. Мөн өрөө болгон тавгийн идээтэй, чанасан махтай шинэлдэг тухайгаа ярилаа. Энд амьдарч байгаа хүмүүсээс хамгийн өндөр настай нь 90 хүрч байгаа юм билээ. Золголтын тухай яриа өнгөрсөн шинэ жилийнх рүү ортол таяг тулсан эмээ өрөөнөөсөө зураг бариад гараад ирэв. Тэр нь өнгөрсөн шинэ жилийн хүлээн авалтынх. Оргилуун дарстай, хүйтэн зууштай, халуун хоолтой, тавагтай чихэр, жимсний цуглуулга гээд дундаж газрын хүлээн авалтаас дутахгүй ширээнд инээлдэн суугаа зургаа үзүүллээ. Цагаан сар шинэ жилээс ч өргөн дэлгэр болно. Олон хоног амарвал хүрээд ирээрэй гэсээр хоцорлоо.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН