Categories
мэдээ цаг-үе

Уулын дугуйн бартаат замын анхны тэмцээнд Н.Алтансүх түрүүллээ

Уулын дугуйн бартаат замын тэмцээн өнгөрсөн амралтын өдөр Төв аймгийн Баянгийн даваанд боллоо. Дугуйн спортынхон тэмцээн уралдаан зохиодог хэдий ч уулнаас бартаат замаар буудгийг урьд өмнө зохиож байгаагүй гэнэ. Тиймээс Монголын хамгийн анхны “Downhill” төрлийн уулын дугуйн уралдаан боллоо гэж зохион байгуулагчид ярьж байв. Тэмцээн даунхилл, эндюро, хардтэйл гэсэн гурван ангиллаар болж нийт 25 тамирчин хурд, хүчээ сорьсон юм. Тамирчид 3.5 км бартаат замаар хурдалж, хоёр гарааны нийлбэр дүнгээр аваргуудыг шалгаруулав. Уралдааны гарааны цэг дээр эмнэлгийн машин байрлаж тамирчдад анхан шатны үзлэг хийж байлаа. Зориулалтын хамгаалалтын малгай, бээлий, хүзүүвч, өвдөг тохойн хамгаалалттай тамирчдыг уралдааны замд гаргах болзол тавьсан байв. Тамирчид эмнэлгийн анхан шатны үзлэгт хамрагдаад уралдаж эхлэв. 3.5 км замд хурд гаргах, харайлт хийх, ханаар явах, шавар туулах, хад тойрох зэрэг олон бартаа бий. Эхний цэг уулын орой дээр байрлаж байсан болохоор тамирчид хоёрдугаар цэг хүртэл дээд хурдаа гаргах боломжтой байв. Харин хоёрдугаар цэг дээр тусгай зассан тавцан дээрээс харайх ёстой. Гурав дахь цэгт мөн харайх тавцан бий бөгөөд энэ хэсгийг хамгийн хэцүү нь гэж тамирчид ярьж байлаа.

Уулын дугуйн бартаат замын тэмцээнд уралдаж байгаа даунхилл, эндюро, төрлийн дугуйнуудыг тоноглолоос нь хамаарч ангилдаг ажээ. Тухайлбал, даунхилл төрлийн дугуй нөгөө хоёрыгоо бодвол өндөр ачаалал авах чадвартай, мэргэжлийн түвшинд дөхсөнийг хэлэх бол нөгөө хоёрыг сонирхогчийн түвшинд унадаг юм байна. Уралдаанд оролцогчдын дийлэнх даунхилл төрлөөр өрсөлдсөн юм. Тамирчдын дундаж нас 21 гэсэн. Энэ төрлийн спорт манайд хөгжөөд хоёр жил болж байгаа ажээ. Албан ёсны тэмцээн, уралдаан зохион байгуулж байх холбоотой болохоор хөөцөлдөж байгаа гэсэн. Анх Э.Азбаяр гэх залуу ийм төрлийн спортыг Монголд хөгжүүлье хэмээн “Downhill Mongolia” гэсэн фэйсбүүк хуудас нээн ажлуулахад залуучууд хүсэл сонирхлоороо нэгдэж эхэлжээ. Одоогоор тус холбоо албан ёсны 26 гишүүнтэй гэсэн. Тэд ажлын өдөр хот дотор, амралтын өдөр ууланд бэлтгэл хийдэг юм байна. Удахгүй холбооныхоо анхны тэмцээнийг хийж уулын бартаат дугуйн спорт хөгжиж эхэлснийг албан ёсоор танилцуулахаар төлөвлөжээ. Бас гадаадаас экстрим спорт сонирхдог хүмүүс холбогдон хамтарсан бэлтгэл хийх хүсэлтэйгээ буйгаа илэрхийлж байгаа гэсэн. Өнгөрсөн хавраас хойш л гэхэд Непал, Франц, АНУ зэрэг улсаас найман жуулчин Монголд ирэх хүсэлтээ гаргаад байгаа юм байна. Тэд хад, чулуу ихтэй ууланд уралдахаар ирэх сард Улаанбаатарт ирэх ажээ. Уг спортыг хөгжүүлж байгаа Э.Азбаяр “Гадныхан экстрим спортыг их сонирхдог. Тэгэхээр манайх уг спортыг түшиглээд аялал жуулчлалын тусгай хөтөлбөр гарган жуулчдыг татах боломжтой” гэж байлаа.

Уралдаанд оролцогчид нэг, нэг минутын зайтай уралдаж байв. Зам шавар шавхай ихтэй учраас барианд орж ирэхдээ танигдахын аргагүй болж байсан. Эхний гарааны дараа тамирчдыг дугуйн хамт дахин дээш гаргаж уралдуулав. Хоёр дахь гараа эхлэх үед бороо орж, манан татсан нь уралдааны замыг улам сонирхолтой болгов. Ингээд хоёр удаагийн нийлбэр дүнгээр даунхилл ангилалд Н.Алтансүх түрүүлжээ. Тэрээр “Манайд ийм төрлийн спорт хөгжөөд удаагүй байна. Монголд хөгжиж байгаа хамгийн залуу спортуудын нэг байх. Тиймээс багш, дасгалжуулагч байдаггүй. Энд уралдаж байгаа тамирчид өөрсдийн хүсэл, сонирхлоор хичээллэдэг хүмүүс шүү дээ. Миний хувьд ч гэсэн би “Трек” дугуйн дэлгүүрийн механикаар ажилладаг. Өмнө нь ийм төрлийн тэмцээн зохиогдож байгаагүй болохоор уралдаж байсангүй. Өнөөдрийн уралдааны зам бартаа ихтэй байсан болохоор тун сонирхолтой байлаа” гэв. Тэрээр 3.5 км замыг 5 минут 11 секундэд туулсан бөгөөд дээд хурд нь 61 км/цаг байв. Удаахь байруудад Баярхүү, Баттуул нар орлоо. Эндюро төрөлд Ариунболд, Азбаяр, Энхболд нар худалсан бол хардтэйл ангилалд Тэмүүжин, Лоди, Итгэл нар эхний гурван байрыг эзэлжээ.

Уг спортоор хичээллэж байгаа хүмүүс эндюро, даунхилл төрлийн дугуйтай байх хэрэгтэй. Ийм төрлийн дугуй хамгийн доод тал нь зургаан сая төгрөгийн үнэтэй гэсэн. Худалдаад авчихсан байхад нэмэлт тоноглолоор сайжруулаад байх боломжтой ажээ. Одоогоор мэргэжлийн багш, дасгалжуулагч байхгүй учраас сонирхогчид бартаа, саад ихтэй газруудад бие даан бэлтгэл хийдэг юм байна.

Тэмцээний үеэр уг уралдааныг санаачлан зохион байгуулсан Жастинтай уулзлаа.

-Намайг Жастин гэдэг, АНУ-аас ирсэн. Монголд ирээд таван жил болж байна. Энд геологийн компанид ажилладаг юм. Би Америкт байхдаа экстрим төрлийн спортоор хичээллэдэг байсан. Тэр дундаа уулын дугуйгаар хичээллэх дуртай. Монголд уулын дугуйн спортоор хичээллэдэг залуус байгаа гэдгийг мэдээд маш их баярласан. Тэмцээн зохиоход оролцохоор олон залуу байгаа гэдгийг мэдсэн болохоор энэ тэмцээнийг зохиож байгаа юм. Монголд анх удаа ийм төрлийн уралдаан зохион байгууулсандаа баяртай байна.

-Цаашид жил бүр уламжлал болгон зохиох уу. Зардал мөнгийг хаанаас гаргаж байгаа вэ?

-Монголд уул элбэг. Хоттой ойрхон ууланд гарч уралдах боломжтой учраас жил бүр уг тэмцээнийг улам хөгжүүлээд зохион байгуулж болно. Би Монголд хайртай болохоор өөр бусад газар руу явах шалтгаан байхгүй. Тиймээс дараа, дараагийн тэмцээнийг зохион байгуулахыг бодож байгаа. Анхны тэмцээний тухайд ивээн тэтгэх албан байгууллага байсангүй. Тиймээс өөрийнхөө цуглуулсан мөнгөнөөс тэмцээний зардлыг гаргасан байгаа. Нийт гурван сая орчим төгрөг болсон.

-Уралдааны замыг хэрхэн сонгосон бэ?

-Би амралтынхаа өдөр “Нислэг” төв дээр ирж шүхрээр буудаг юм. Заримдаа машинтайгаа явж байгаад холоос нисдэг. Тэр үед энэ уулыг харсан юм. Уулнаас уруудаж байгаа зам нь боломжийн урт үргэлжилж байсан. Тиймээс энд ирээд зарим нэг бартаа саадыг хийгээд тэмцээнээ зохион байгууллаа.

С.АЛТАН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Цэцэрлэгийн багачууд эмч, үсчин, гоо сайханчийн дүрд хувирав

Нийслэлийн 69 дүгээр цэцэрлэгийн Г.Мөнхзул багштай ахлах “В” бүлгийнхэн ангидаа үсчинд орж, эмнэлгийн бүх төрлийн үйлчилгээ авч, цэцэг мод тарин тоглож байна. Тэдний тухай сурвалжлахаар цэцэрлэг дээр нь очиход хүүхдүүд таван бүлэгт хуваагдан хичээллэж байлаа. Үүдний өрөөнд эмнэлгийн цагаан халаад өмссөн хүү ангийнхаа охинд зөвлөгөө өгч байв. “Чиний гэдэс өвдөөд байвал шингэн зүйл сайн ууж бай. Ялангуяа буцалгасан усыг бүлээнээр нь уувал сайн. Одоо эмч нь гэдэсний эм бичиж өгье. Гэртээ очоод хоолоо идсэнийхээ дараа эмээ уугаарай” гэх ажээ. Эмч болж буй хөвгүүн халаад өмсөөд зогсохгүй чагнуур барьчихаж. Түүгээрээ охины нуруун дээр дараад “Амьсгал, гүнзгий амьсгал” гэсээр чагнаж байв. Бас эмчийн ширээний ард байх эмийн сангаас хэрэгтэй эмийг нь авч өгөөд гаргалаа. Тэднийг ийн тоглох боломжийг эцэг, эхчүүд нь бүрдүүлж өгчээ. Аав ээжүүд гар доорх материал ашиглан ийн тохижуулсан байна. Эмнэлгийн өрөө орчин үеийн эмч нарын өрөөг санагдуулна. Өвчтөнөө хэвтүүлэн үзлэг, эмчилгээ хийх ор, эмчийн ширээ, эмийн сан, чагнуур, зүрхний цохилт хэмжигчээс авахуулаад эмнэлэгт байдаг бүх зүйл байлаа.

Эмийн санд нь бүх төрлийн эм бий гэсэн. Дээрх бүгд мэдээж тоглоом. Гэхдээ яг л жинхэнэ мэт харагдах зүйлсээр оруулан хийжээ. Эмч болон тоглож буй хүү дээр очоод “Эмч ээ, үзүүлж болох уу” гэхэд хэсэг эргэлзэн инээмсэглэж байснаа “Суугаач” хэмээн үзлэгийн ор руу заав. “Та юуны эмч вэ” гэхэд “Өнөөдөр дотрын эмч болж байгаа. Даралтаа үзүүлэх үү” гэж байна. Ингээд тоглоомон аппаратаараа даралт үзээд дараа нь даралтны эм өгөв. Эмнэлэг болон тоглож байгаа хэсэгт хүүхдүүд ээлж ээлжээр эмч болдог ажээ. Өдөр бүр өөр мэргэжлийн эмч болдог гэсэн. Өнөөдөр дотрын эмч ажиллаж байгаа бол маргааш шүдний эмч үзлэг хийдэг гэнэ. Бүр нэг нь жирэмсэн дүрд хувираад эмчээсээ зөвлөгөө авдаг гэж байлаа. Эмнэлгийн өрөөнөөс гадна “Багачууд” үсчин, гоо сайхны салон тус ангид бий. Тэнд тоглож буй хүүхдүүд салонд байдагтай адил сандал дээр нэгнээ хэвтүүлэн үсийг нь угааж байв. Дараа нь толины урд суулгаад хүссэн хэлбэрээр үсийг нь тайрч янзлан тоглож байлаа. Хэрэглэж байгаа хайч, үсний сэнс, индүү зэрэг нь хуванцраар хийсэн болохоор ямар ч аюулгүй. Үсчний суудалтай зэрэгцээд маникюрын ширээ байв. Өнгө өнгийн хумсны будаг, хуурай зэргийг эгнүүлээд өрчи­хөж. Ээжүүд гэртээ хэрэг­лээд дууссан хумсны будагны саваа авчирч өгчээ. Энэ хэсэгт охид голдуу тог­лож байв. Аль хэдийнэ хатаад гарахгүй болсон хумс­ны будагны багсаар тоглохдоо “Чамд ягаан өнгө зохих юм байна. Би чиний хумсыг ягаанаар будаад өгье” гэсээр сууна. Ингэж хумсаа будуулж, үсээ тайруулахад тодорхой хэмжээний төлбөр­тэй. Цаасаар мөнгө хийгээд хүүхдүүдэд өгчихсөн болохоор өнөөхийгөө халааснаасаа гаргаж ирээд төлбөр тооцоогоо хийж байв. Бас хажууханд нь хүнсний дэлгүүр ажиллаж байна. Тэнд “Сүү” ХК-ийн элгэн тараг, “АПУ”-гийн сайн тараг, сүүгээс авахуулаад чихэр, жигнэмэг, бохь гээд байхгүй зүйл алга. Худалдагч нь лангууныхаа ард суугаад гурил, будаа авах бол жинлэн өгч байв. Дэргэд нь касс зогсчих­сон мөнгөө авч, заримд нь хариулт өгч байлаа. Ингэж тоглох нь нийгэмтэй харьцаж сурахаас эхлээд дэлгүүрээс хэрэгтэй зүйлээ худалдаж авах, мөнгөтэй харьцах зэрэг олон зүйлийг хүүхдэд сургадаг ажээ. Хүүхдүүд анги дотроо дэлгүүртэй болсноос хойш тооныхоо хичээлд улам дурлах болсон гэнэ. 1000 төгрөгтэй бол дэлгүүрээс юу, юу худалдаж авах, хариулт болгож хэдийг нь буцааж авахаа мэдэхийн тулд тооны хичээлийг түлхүү сонирхож байгаа юм билээ.

Харин ногоо тарих буланд хүүхэд бүр нэг удаагийн цаасан аяганд хятад сарнай цэцгийн суулгац тарьжээ. Цэцэг тарихдаа бүлэг бүлгээрээ ээлжлэн тарьж байгаа гэнэ. Багш нь цэцэг тарих анхан шатны мэдээлэл өгчихөөр цаашид ургах тал дээр нь хүүхдүүд өөрсдөө анхаарал тавьдаг. Цэцгээ хэд хоноод услах, хөрс нь чийгтэй эсэх, том саванд шилжүүлэн суулгах болсон эсэх зэргийг бие даан шийддэг ажээ. Ингэж өөрсдөөр нь цэцэг тариулахаар хүүхдүүд амьд байгаль болон бие биенийгээ хайрлах сэтгэлтэй болдог гэсэн. Сөөм хэртэй ургуулсан сарнай цэцгүүдээ багачууд зуныхаа амралтаар гэр рүүгээ аваад явна гэж байв. Зуны гурван сарын турш гэртээ арчилж ургуулж байгаад намар хичээл эхлэх үеэр ангидаа буцаан авчрах юм байна. Цэцгээ усалж байгаа охин “Чи миний ээж шиг хөөрхөн болоорой за” гэж цэцэгтэйгээ ярих ажээ. Бас хоёр хоног цэцэрлэгтээ ирэхгүй болохоор орой тарах үедээ дахиад нэг усална гэж байв. Хүүхдүүдийн тарьсан цэцэг нүдэн дээр нь өдрөөс өдөрт ургаж байгаа болохоор арчлахдаа тун урамтай байдаг гэсэн. Бүр зарим нь өөрсдийнхөө сурсан дуу, шүлгийг цэцэгнийхээ хажууд очоод давтах болжээ. Ингэж цэцэг тарьж байхтай зэрэгцээд айл гэр болон тоглох хүүхдүүд зургаа авахуулъя гэж дуудав. Ангийнхаа нэг буланг гэр шигээ тохижуулаад тэндээ ээж, аав болон тоглодог юм байна. Гэрээр нь шагайвал авдар, ор, ширээ, сандал, гал тогооны хэрэгсэл цөм байлаа. “Би өнөөдөр ээж нь шүү” гэж хэлэх жаахан охин бусдадаа хоол хийж өгөн тоглох ажээ. Тэдний хажууханд байх метр хэрийн өндөртэй шатаар дээш гарвал номын булан байв. Монгол ардын үлгэрүүд, гадаад ном зохиол, багшийн үзүүлэх ном, хүүхдүүдийн бие даан хичээллэх зэрэг дөрвөн төрлийн ном байдаг юм байна. Хүүхдүүд уншиж чадахгүй ч багшаараа уншуулсан үлгэрээ цээжилчихээд нэг нэгэндээ ярьж өгөх ажээ. Бас энд зөөлөн тоглоомууд тавьсан учраас нойр нь хүрсэн хүүхдүүд унтаж болдог гэсэн. Зөөлөн тоглоомоо дэрлээд тав тухтай орчинд унтаад босоод ирэхээр хүүхдийн ааш зан зөөлөрч, нийтэч болдог юм байна.

Г.Мөнхзул багш дээрх булангуудыг эцэг, эхчүүдийн­хээ оролцоотойгоор хийжээ. Ангид нь хуучин байсан зүйлүүдийг сэргээгээд шинэ юм шиг болгоод дахин ашиглаж бай­гаа гэнэ. Зарим зүйлийг шинээр хийх­дээ аав ээжүүдээсмөнгө төгрөг татаа­гүй гэсэн. Хүүхдүүдийнхээ эцэг, эхийг таван дөрвөн бүлэгт хуваан гэртээ хэрэглэхээ больсон, эсвэл хаях гэж байгаа зүйлийг ашиглан ийн ангиа тохижуулжээ. Тухайлбал ээжүүд өөрсдийнхөө хэрэг­лэхээ больсон цагаан цамцыг дахин шинээр эсгээд эмнэлгийн халаад хийгээд өгөх жишээтэй. Бас хаях гэж байсан модоо ашиглаад сандал, ширээ, авдар хийгээд өгчихөж. Энэ мэтээр өөрсдөд нь хэрэггүй мөртлөө цэцэрлэг дээр ашиглаж болохоор эд зүйлсээ ашиглан дээрх булангуудыг тохижуулжээ. Ингэж өөрсдийнх нь үйлч­лүүл­дэг эмнэлэг, үсчин, дэлгүүр гэхчлэн зүйлсийг бодитой мэтээр хийснээр хүүхдүүдийн сонирхлыг улам их татах болсон байна. Бас эдгээр булангууд хүүхдийн нийгэмтэй харьцах харилцааг бий болгох, бусдад тусалж сурах, тоолж сурах, үйлчилгээ авч сурах чадварт сургадаг гэсэн. Тус ангийн багш Г.Мөнхзул “Манай цэцэрлэг дээр сургуулийн өмнөх боловс­ролын цөм хөтөлбөр өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн хэрэгжиж байгаа. Цөм хөтөлбөрийн онцлог нь хүү­хэд тоглонгоо хөгжих орчинг бүрдүүлэх байсан. Ингэснээр хөгжсөн, чадварлаг зөв Монгол иргэн төлөвших зорилготой юм. Манай анги 48 хүүхэдтэй. Хүүхэд бүрийг тэгш хөгжүүлэхийн тулд багш нар, эцэг эхчүүдийн зүгээс дээрх сургалтын төвүүдийг шинэчилсэн” гэв.

С.АЛТАН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баярыг угтан парк “Гайхамшигт 7 хоног”-оо эхлүүлнэ

-ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛЫН ХҮРЭЭЛЭН ХҮҮХДИЙН БАЯРААР

УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАХ АЖЭЭ-

Албан байгууллагууд хүүхдийн баярыг угтан тусгай хөтөлбөр боловсруулж арга хэмжээ зохион байгуулах бэлтгэлээ базаагаад эхэлжээ. Зургадугаар сарын 1-нд олны хөлд дарагдан хүүхдийн инээд цалгиж байдаг Үндэсний соёл амралтын хүрээлэн л гэхэд “Гайхамшигт 7 хоног” хөтөлбөр зохиох юм байна. Тав дахь жилдээ зохион байгуулж буй уг хөтөлбөр энэ сарын 29-нөөс зургадугаар сарын 4-ний хооронд үргэлжилнэ. Хүүхдийн баярыг тохиолдуулан багачуудыг баярлуулах гэж байгаа болохоор эдгээр өдрийн алинд ч ирсэн тусгай хөтөлбөртэй баярын арга хэмжээг үзэж сонирхох юм байна. Тухайлбал урлагийн тоглолт, циркийн үзүүлбэр үзүүлэхээс гадна хүүхэд, залуусын дунд хөгжөөнт тоглоом, ур чадварын уралдаан, асуулт хариултын тэмцээн болох ажээ. Урлагийн болон циркийн үзүүлбэр нь нас, насныханд зориулсан байна гэсэн. Тухайлбал 3-8 настай хүүхдүүдэд зориулан хүүхдийн жүжиг, 9-15 насныханд уран нугаралт, жонглёр, дээс, агаарын үзүүлбэртэй циркийн тоглолт болно. Эдгээр тоглолтууд өдөр бүрийн тэгш цагаас паркийн их тайзан дээр болох ажээ. Мөн томчуудад зориулсан урлагийн оддын шоу тоглолт 20.00 цагаас болох юм байна. Харин бага тайзан дээр 2-8 насныханд зориулан өвгөн хуурч үлгэр уншихаар болжээ. Энэ үеэр 8-14 настай хүүхдүүдийн дунд “Хамтдаа оюун ухаанаа хөгжүүлцгээе” сэдвийн хүрээнд ур чадварын тэмцээн зохион байгууулна. Мөн 3-12 насныханд “Хамтдаа урлагийн бүтээл хийцгээе” уриан дор цаасан шувуу хийхийг зааж өгөх ажээ. Бас хүүхдүүдээ баярлуулж яваа аав ээжүүдийг ч Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийнхэн мартаагүй байна. Хүүхдээ баярлуулж яваа бүх насныханд зориулан “Бид чадна” нэртэй даам, дартс, буухиа, АХА, шоо эвлүүлэх тэмцээнүүдийг зохиож ялагчийг ҮСАХ-гийн нэрэмжит бэлгээр шагнахаар болжээ. Дээрх хөтөлбөрүүд их, бага тайзан дээр явагдах юм билээ. Харин ҮСАХ-гийн бусад газруудад аниматор, урт хөлт алиалагч, фантамимо, хүн хөшөөний үзүүлбэр гарна гэсэн. Дээрээс нь үндэсний үйлдвэрлэгч найман компанитай хамтран ундааны, амттаны, урлагийн, кальцны, бөмбөлөгний, номын баярыг өдөр бүр зохиохоор болжээ.

Тоглоомын тухайд ҮСАХ-д гадаах буюу атракцион, ур чадварын, автомат, зөөлөн гэсэн 70 нэр төрлийн тоглоом бий. Гадаа талбайдаа 18 төрлийн тоглоомтой. Энэ жил бага насны хүүхдүүд тоглоход тохиромжтой тоглоом шинээр суурилуулжээ. “Хүслийн галт тэрэг”, “Нархан”, “Жаргалтай бамбарууш”, “Тулаант машин” гэсэн дөрвөн тоглоом дээр 1-6 настай хүүхдүүд тоглоно гэсэн. Бас 15-аас дээш насныханд зориулсан “Go kart”буюу уралдааны машиныг ирэх сарын дундуур оруулж ирэхээр төлөвлөжээ. Тоглоомын аюулгүй байдлын тухайд нээлтээ хийхээс өмнө инженерийн иж бүрэн үзлэг хийсэн гэнэ. Мөн 14 хоног тутамд ээлжит үзлэг хийдэг болохоор аюулгүй ажиллагааны тухайд санаа зоволтгүй болжээ.

Үнийн хувьд өнгөрсөн жилийнхээрээ байгаа гэнэ. Гадаа талбайн тоглоомууд 5000 төгрөгийн үнэтэй. Тойрог буюу аварга галзуу хулгана 6000 төгрөг ажээ. Хэрэв багцийн тасалбар худалдаж авбал нэг тоглоом дээр 2500-3000 төгрөгөөр тоглох боломжтой юм байна. Одоогоор “Fun”буюу гурван тоглоом дээр тоглох тасалбар 10 мянга, “Happy” буюу таван тоглоом дээр тоглох нь 15 мянга, “Cool” буюу долоон тоглоом дээр тоглох нь 20 мянга, арван тоглоом дээр тоглох “Super” багц 25 мянган төгрөгийн үнэтэй. ҮСАХ-гийнхэн баярын өдрөөр ачаалал ихтэй байдаг учраас хямдрал зарлах боломжгүй гэсэн. Харин долдугаар сарын эхээр бүх тоглоомондоо 50 хувийн хямдрал зарлана гэж байлаа. Хүүхдийн баярын угтсан “Гайхамшигт 7 хоног” хөтөлбөрийн хүрээнд парк 12 цагаас шөнийн 00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллахаар болжээ

Хүүхэлдэйн театрынхан ч бас хүүхдийн баярын өдөр тусгай хөтөлбөрийн дагуу багачуудад үйлчлэх юм байна. Зургадугаар сарын 1-ний өдөр 10.00 цагаас эхлэн УДЭТ болон төв талбай дээр “Үлгэрийн баатрууд” нэртэй парад зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр Хүүхэлдэй театрын уран бүтээлчид үнсгэлжин, цасан гоогоос эхлээд “Frozen”-ы Анна, Элсагийн дүрд хувиран хотын төвөөр алхах ажээ. Парадын дараа Хүүхэлдэйн театрын урд талбайд хайртай үлгэрийн баатруудтайгаа хамт зураг авахуулж болно гэсэн. Дараа нь буюу 12.00, 14.00 цагуудаас Х.Андерсаны “Нугасны муухай дэгдээхий” хүүхдийн жүжиг тоглох ажээ. Бас театрын тайзнаа үзэж амжаагүй хүүхдүүдэд зориулан “Вива сити” дэх баярын арга хэмжээний үеэр буюу 16.00 цагаас дахин тоглох юм байна. Хүүхэлдэйн театртай зэрэгцэн байрлах УДЭТ-ынхан ч бас энэ өдөр хүүхэд, багачуудыг баярлуулахаа мартсангүй. Тэд 11.00, 13.00 цагуудаас К.Драгунскаягийн “Онц сурлагатнууд орохыг хориглоно” нэртэй хүүхдийн жүжиг тоглохоор болжээ. ҮДБЭЧ-ынхан ч бас Д.Ганболдын найруулга “Эрх цагаан унага” хүүхдийн жүжиг тоглоно гэнэ. Уг жүжгийг тус театрын уран бүтээлчид өнгөрсөн жилээс эхлэн тоглож байгаа бөгөөд хүүхэд, багачуудын үзэх дуртай жүжгүүдийн нэг болжээ.

“АСА” цирк дээр хүүхдийн баярын арга хэмжээнүүд энэ сарын 29-нөөс эхлэх юм байна. Циркчид зургадугаар сарын 1 хүртэл өдөр бүр 11.00, 14.00, 17.00 цагуудаас “Циркийн шилдэг үзүүлбэрүүд” тоглолттой бол Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа тавдугаар сарын 30, 31, зургадугаар сарын 1-ний өдрүүдэд 11.00, 14.00, 17.00 цагуудаас “Бонгын аялал” тоглолт болох ажээ. Харин хүүхдүүдийн хамгийн үзэх дуртай тоглолтуудын нэг болох “Динза, Цондоолой үлгэрүүдийг аварсан нь” шоу тоглолт “Crocus” төвд болох юм байна. Уг тоглолтын тасалбар 26 мянган төгрөг бөгөөд ирсэн хүүхэд бүрт уут дүүрэн бэлэг өгнө гэсэн. Энэ мэтчилэн хүүхдийн баярт зориулсан арга хэмжээ нийслэлийн хэмжээнд болно. Нэгдсэн арга хэмжээ Чингэс хааны талбайд 11.00-14.00 цагийн хооронд болохоос гадна дүүрэг бүр өөрсдийн талбай дээр багачуудыг баярлуулах ажээ.

Харин хүүхдийн гэх тодотголтой “Аз”, “Нархан”, “Хөгжилтэй дэлхий” зэрэг хүүхдийн дэлгүүрүүд багачуудад зориулсан дорвитой хямдрал зарлаагүй байна. “Аз” их дэлгүүр дээр очиход 20-50 хувийн хямдрал зарлалаа гэж бичсэн байв. Гэвч хүүхдүүдийн сонирхлыг татахгүй тоглоомууд болон хавар, намрын зарим төрлийн хувцсаа хямдруулжээ. Тус дэлгүүрээр үйлчлүүлж буй Б.Дэлгэрмаатай уулзахад “Уг нь хоёр хүүхдэдээ зуны хувцас худалдаж авъя гэж энд ирсэн. Гэвч өдийд өмсөж болохоор хөнгөн, нимгэн хувцас хямдраагүй байна. Улирал нь дууссан буюу хаврын куртик, пальтонууд хямдарсан байна лээ. Тоглоомуудын тухайд ч тэр хүүхэд тэр бүр сонирхохооргүй хэдэн тоглоомоо хямдруулсан байгаа нь харамсалтай” гэж байв. Түүний ярьж буйгаар тоглоомын тасагт 20-50 хувийн хямдрал гэж бичсэн ч гэлээ яг сонирхол татахуйц тоглоомууддаа ямар ч хямдрал зарлаагүй байгаа ажээ. Бас хямдрал зарласан тухай зарыг гадуур явж байгаа хүмүүст харагдахаар бус дэлгүүрийн лангууны араар нуух шахам тавьсан байлаа. Түүнээс өөр сурталчилгаа байхгүй болохоор эцэг, эхчүүд хүүхдийн баярын бэлгэнд чихэр, ундаа голдуухан худалдаж авч байгаа болов уу. “Аз” их дэлгүүрийн зэргэлдээх “Нархан” хүүхдийн хувцас, тоглоомын дэлгүүрээр орлоо. Тэнд хүүхдийн баярт зориулсан ямар нэгэн хямдрал алга. Гаднаа солонгос хүүхдийн хувцас гэсэн хаягнаас өөр зүйлгүй тус дэлгүүрт хүүхдийн баярын уур амьсгал байхгүй байлаа.

С.АЛТАН

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн гэрийнхэнтэй хамт СУМО ҮЗЛЭЭ

Хару башёгийн сүүлийн өдрийн барилдаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өрсөлдөгчөө давлаа. 2015.03.22-ны 16.15 цаг

“Өдрийн сонин” Японы мэргэжлийн сумод цахиур хагалж яваа сэкивакэ Г.Ган-Эрдэнийн гэрээс сурвалжлага бэлтгэн хүргэж байсан билээ. Өчигдөр мэргэжлийн сумогийн башёд анх удаагаа түрүүлж озэки цолны болзол хангаад буй түүний гэр бүлээс хийсэн сурвалжлагаа уншигчдыхаа хүсэлтээр дахин хүргэж байна.

Хару башёгийн сүүлийн өдрийн барилдааныг Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн гэрт очиж аав ээжтэй нь хамт үзлээ. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бол дээд зиндаанд барилдаж байгаа Монголын 20 дахь сумоч. Бас маш богино хугацаанд цолонд хүрсэн гэдгээрээ сумогийн ертөнцөд шуугиан тариад байгаа. Энэ сарын башёгоос эхлэн сэкиваки цолтой барилдаж байгаа тэрээр хару башёд тун сайн барилдсан юм.

Тэрүнофүжигийн аавынх 13 дугаар хороололд байдаг ажээ. Харин амралтынхаа өдрөөр Сэлбэ дэх зуслангийнхаа байшин руу явчихдаг юм байна. Хаягийг нь заалгаж аваад сумо эхлэх үеэр яваад очтол гэр дүүрэн хүн бужигнаж байв. Башёгийн сүүлийн өдрийн барилдааныг үзэхээр Г.Ган-Эрдэнийн хамаатан садангууд нь цуглажээ. Бас Японы “Ёми үри” сонины сурвалжлагч орчуулагчийнхаа хамт ирчихсэн ярилцлага авч байлаа. “Хүү сайн барилдаж байгаа. Монгол, Японы хамгийн том сонины сурвалжлагчид манайд хүрээд ирэхээр сайхан байдаг юм байна. Хүүгээрээ л их бахархаж байна даа” гэж Г.Ган-Эрдэнийн өвөө Жүгдэр гуай ярив. Гэрийн эзэд хөдөөгүүр ажилтай явж байгаад урьд шөнө иржээ. Хүүгийнхээ сүүлийн өдрийн барилдааныг гэрийнхэнтэйгээ хамт үзэхээр шөнөжин давхисаар хотод ирсэн гэв.

Хар пиджактай голд сууж буй нь Г.Ган-Эрдэнэ. Тавдугаар ангид байхдаа

Г.Ган-Эрдэнэ гурван хүүхэдтэй айлын дундах юм байна. Аавыг нь Д.Гантулга, ээжийг нь Ж.Оюун-Эрдэнэ гэдэг. Дээрээ нэг эгчтэй, дороо нэг эмэгтэй дүүтэй, айлын ганц хүү ажээ. Ганц хүү болохоор багад нь нэлээн эрхлүүлдэг байсан гэнэ. Аав ээж нь хүүгийнхээ тухай ярихдаа “Эвий миний хүү” гээд хошуу дэвсээд л ярих юм. Аав ээж нь ганц хүүгээ нэлээн эрхлүүлж өсгөсөн болохоор тэр үү Г.Ган-Эрдэнэ их зөөлөн зантай, томоотой гэсэн. Хүүгээ барилдахын өмнө аав ээж хоёр нь багадаа ямар хүүхэд байсан тухай хуучлаад, хоол унд идэж уу гэсэн шигээ дуу шуутайхан байв. Үе үе зурагт руугаа харчихаад яриагаа үргэлжлүүлэх ажээ. Монгол бөхчүүдийг гарч ирэхээр “За энэ хэдийгээ харчихъя. Манай хүүхэд сумод барилдаж эхэлснээс хойш монгол бөхчүүдийн барилдааныг сэтгэл догдлон үздэг болсон. Өмнө нь давчихаасай гэж боддог байснаас биш одоогийнх шиг сэтгэл зовдоггүй байлаа” гэв. Ээж нь яриан дундуураа босоод бурхандаа зул өргөн залбирч байлаа. Ингэж ярьж байтал 16 цаг 10 минутын орчимд Г.Ган-Эрдэнэ барилдахаар дэвжээн дээр гарч ирэв. Саяхан л хүүгийнхээ тухай ярин орон дээрээ сууж байсан ээж нь хэд хэдэн удаа өндөлзөж байснаа босоод явчихлаа. Олон хүн байгаа болохоор багтахгүй нь гээд босож байгаа юм болов уу гэж бодтол “Би хүүгийнхээ барилдахыг харж чаддаггүй юм” гэж байна. Их л догдолж байгаа бололтой нүдэнд нь нулимс цийлэгнэсэн чигтээ малгайгаа өмсөөд гадаа гарав. Цонхоор хартал сүү өргөөд зогсож байлаа. Харин бусад нь зурагтынхаа өмнө суугаад барилдаан эхлэхийг хүлээж байв. Үеэл ах нар нь байж ядаж байгаа бололтой нэг харахад хоёр алгаа хооронд нь үрээд л, дахиад харахад байдгаар нь атгачихсан суух ажээ. Хажууд нь суугаад зоригжуулж байгаа аятай “Манай Батаа давна аа” гэж чанга чанга хэлж байв. Аав нь харин дуугарч чадахгүй байгаа бололтой хоёр гараа чанга атгачихсан, зурагтнаас нүд салгалгүй ширтэж байв. Ингээд хамгийн сүүлийн ёсолгоогоо хийж барилдаан эхлэхэд гэрээр нэг шуугиад явчихлаа. Хөдөлгөөн бүрт нь дэм өгөн орилолдож гарав. “За сайн байна. Хоёр гарыг нь хумьчихлаа. Ээ дээ наанаасаа мавашины барьц авчихвал” гэхтэй зэрэгцэн лав барьц автал бөөнөөрөө “Батаа яг зөв. Наадах чинь зайлж магадгүй юм байна шүү. Барьцаа лавшруулна шүү” гэлцэв. Өрсөлдөгч нь дэвжээний зах руу жаахан түрвэл “Батаа аа” гээд гэрээр нэг орилж байлаа. Эрчүүд нь ч яахав орилолдоод үзэж байхад үеэл эгч, дүү хоёр нь нүүрээ нэг дараад, хурууныхаа завсраар нэг харах ажээ. Тэрүнофүжи ч сайн барилдаж өрсөлдөгчөө дэвжээний захад түрэн гаргахад бүгдээрээ алга ташин баяр хүргэн бие биенээ тэвэрч авав. Хүргэн З.Одгэрэл нь цонх руу гүйж очоод ээжийгээ дуудан эрхий хуруугаа гозойлгож байна. Ж.Оюун-Эрдэнэ эгч хүүгээ даатган хангай дэлхийдээ сүү өргөж байгаад орж ирэхэд нь гэрийн эзэн тосож аваад хацар дээр нь үнсээд “Ялчихлаа” гэв.

Ээж Ж.Оюун-Эрдэнэ хүүгийнхээ барилдааны өмнө зул өргөв.

Тэрүнофүжи хару башёг хоёрхон унаатай дуусгав. Арван гурав дахь өдрийн барилдаанд Хакухо М.Даваажаргалыг өвдөг шороодуулахад гэрийнхэн нь бөөн баяр болжээ. Орой нь хүүтэйгээ интернэтээр холбогдоход “Аваргаас айлгүй сайхан барилдлаа. Санасан юмаа хийсэндээ ч их баяртай байна” гэж хэлжээ. Түүний хувьд хару башё эхлэхийн өмнө Японы хэвлэл мэдээллийнхэнд “Аваргыг давмаар байна” гэж ярьж байсан бөгөөд бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд санасандаа хүрчээ. Аваргыг өвдөг шороодуулсан түүний хувьд сүүлийн өдрийн барилдаан тун чухал байв. Сүүлийн өдөр Хакухо М.Даваажаргал Харумафүжи Д.Бямбадоржтой таарсан байв. Хэрэв их аварга Хакухо өвдөг шороодвол Тэрүнофүжитэй даваагаараа тэнцэх тул нэмэлт барилдаан болох байв. Дэлгэцээр Тэрүнофүжигийн царайг байн байн харуулахад гэрийнхэн нь ам амандаа яанаа гэлцэн дуу алдах ажээ. Ингээд хоёр аваргын барилдаан эхэлж ширүүхэн өрсөлдсөөр Хакухо М.Даваажаргал давж 34 дэх түрүүгээ авлаа. Хакухо давснаар нэмэлт барилдаан болохгүй болсон ч гэлээ гэрийнхэн нь алга ташиж байв. М.Оюун-Эрдэнэ эгч “Хоёр аварга маань ёстой нэг аваргууд шиг сайхан барилдлаа. Их аварга аргагүй хүчтэй шүү дээ. Миний хүү энэ башёд сайн барилдаж, аав ээжийгээ баярлуулж байна.Энэнээс илүү яахав” гээд алга ташин баяр хүргэж байв.

Батаа гэдэг нь Г.Ган-Эрдэнийн багын нэр. Гэрийнхэн нь түүнийг Батаа гэж дууддаг юм байна. Хүүгээ төрөхөд аав ээж хоёр нь баярлан өөрсдийнхөө нэрний Ган, Эрдэнийг авч нэр хайрлажээ. Гэтэл багадаа өвчин ороогоод байхаар өвөө нь “Аав ээжийнх нь нэр хүнддээд байгаа юм байлгүй. Гурван үсэгтэй богино нэрээр гэртээ дуудаж бай” гэжээ. Ингээд гэрийнхэн нь Бат гэсэн нэр өгч дуудах болсон гэнэ. Тиймээс гэрийнхэн болон ойр дотнынхон нь түүнийг Батаа л гэж дуудна. Сургууль соёлд орсон хойноо найзууд нь Ганаа гэж дуудах болжээ.

Д.Гантулга гуай Увс аймгийн Наранбулаг сумын хүн. Ээжийнх нь төрсөн дүүгийн хүүхэд улсын заан цолтой Сүхбаатар гэж хүн байжээ. Ерөнхийдөө том биетэй, сумынхаа наадамд ноцолдоод начин, заан цол авчихдаг хүмүүс байж. Харин Г.Ган-Эрдэнийн хувьд 1991 оны арваннэгдүгээр сарын 29-нд Дарханы нэгдсэн эмнэлэгт төржээ. Тэр үеийн хүүхдүүд голдуу 3.2-3.6 кг жинтэй төрдөг байсан бол Г.Ган-Эрдэнэ 4.2 кг төржээ. Эмч нар мундаг том хүү эх барьж авлаа, ирээдүйд аварга болох биз ээ хэмээн бэлгэшээж байсан гэнэ. Тэднийх хүүгээ нэг ой хүртэл нь Дарханд амьдарч байгаад Улаанбаатарт нүүж иржээ.

ТЭРҮНОЖҮЖИ Г.ГАН-ЭРДЭНЭ АСАШЁОРЮҮ АВАРГЫГ ХАРААД СУМОГООР БАРИЛДЪЯ ГЭЖ ШИЙДЖЭЭ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ багаасаа олон төрлийн авьяастай байжээ. Цэцэрлэгт байхдаа бүр загвар өмсдөг байсан гэнэ. Өмссөн хүрмээ нэг мөрөн дээрээ тохож явж байгаад үзэгчдийн өмнө ирэхээрээ өөдөөс нь шиддэг аальгүй хүү байсан тухай аав нь инээдээ барьж ядан ярилаа. Бас их гоё дуулдаг, бүжиглэдэг байжээ. Дөрөвдүгээр ангид байхдаа урлагийн үзлэгээрээ дуулж, бүжиглэж байх үеийнх нь бичлэгийг үзүүлэв. Ангийнхаа хүүхдүүдээс том биетэйг ч хэлэх үү тэр дунд ёстой нэг үзүүлж өгч байна лээ. Дуулах авьяас нь өнөө хэр хэвээрээ гэсэн. Сүүлийн үед ажиглаад байхад миний муу хүү аав, ээжийн тухай дуу их дуулах юм. Бодвол санадаг л байх даа гэж аав нь ярина лээ. Нээрээ л өнгөрсөн арванхоёрдугаар сард Японд очиж монгол бөхчүүдтэй ярилцлага хийж явахад “Улаанбаатар” хоолны газар Г.Ган-Эрдэнэтэй олон таарсан даа. Очих бүрт монгол хоолоо захиалчихсан сууж байна. Хоолоо идэж дууссан хойноо “Энхтуяа эгчээ, караокены сул өрөө байгаа юу” гэж асуудаг байлаа. Харахад тэр том биедээ баймгүй эрх төрхтэй, тэгсэн хэрнээ таарах бүртээ “Эгч ээ, ажил амжиж байна уу” гэж санаа тавин асуудаг байв. Энэ тухайгаа гэрийнхэнд нь хэлвэл “Айлын ганц хүү болохоор эрхлүүлэлгүй яахав. Гэхдээ миний хүү буруу эрхлээгүй ээ. Их л зөөлөн хүн дээ” гэж байна. Аав нь ингэж ярихдаа хүүгээ санасан уу яасан уруул ам нь тэрүүхэн тэндээ өмөлзөх шиг болно лээ. Бас хүү нь математикийн хичээлдээ тун сайн байсан, ээж нь нэг хэсэг хүүгээ спортоор биш, тоогоор явуулна гэдэг байсан тухай сонирхуулсан. Тэрээр “Олонлог” сургуулийн төгсөгч бөгөөд тооны Ганболд багшийн хайртай шавь байсан гэнэ.

Г.Ган-Эрдэнэ гурав, дөрөвдүгээр ангиасаа эхлэн жүдо, самбоор хичээллэж эхэлжээ. Тэр үед Спортын төв ордон дээр хичээллэдэг байсан “Тэмүүжин” хүүхдийн бөхийн секцэнд явж эхэлснээс хойш спортоос холдоогүй юм байна. Бас 17 настай байхдаа хамт бэлтгэл хийдэг хүүхдүүдийн хамт Өвөрхангайн наадамд очиж барилдан үзүүрлээд G-Mobile-ын 93037061 дараа төлбөрт дугаараар шагнуулаад ирж байсан удаатай. Уг дугаараа аавдаа бэлэглэж, аав нь гурван ижл гаруйтай барьж байгаад одоо мобикомын дугаар барьж байгаа гэнэ.

Д.Гантулга гуайн төрсөн эмэгтэй дүү нь Монгол Улсын гавьяат тамирчин, начин А.Ганбаатарын төрсөн дүүтэй гэр бүл болжээ. Ингээд хүргэн талдаа улсын цолтой бөхчүүлтэй болчихож. А.Ганбаатарын төрсөн дүү А.Төмөрбаатар гэж хүн дархан аварга Ж.Мөнхбат аваргын шавь байсан гэнэ. Нэг өдөр Г.Ган-Эрдэнийг хоёулаа аваргатай уулзанаа хө гээд дагуулаад явжээ. Ингээд Ж.Мөнхбат аваргатай уулзуулан “Энэ хүүхэд бөх болох уу” гээд шинжүүлтэл “Ирээдүй байна, манай сургуульд оруулчих” гэжээ. Тэр үед дархан аварга Ж.Мөнхбат “Их шавийн дээд сургууль”-ийг үүсгэн байгуулаад байсан болохоор зөвлөснийх нь дагуу тус сургуульд оруулжээ. Ингээд удалгүй ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр аваачиж өгөн жудогоор хичээллүүлжээ. Жудогоор хичээллэх хугацаандаа 2009 онд Монгол Улсын гавьяат тамирчин О.Балжинням аваргын нэрэмжит залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 2008 онд кураш бөхийн залуучуудын дэлхийн аваргаас хүрэл авсан байна. Яг тэр үед мэргэжлийн сумод их аварга Асашёорюү Д.Дагвадорж ид бужигнуулж байсан цаг. Г.Ган-Эрдэнэ аваргын барилдааныг гэртээ зурагтаар шимтэн үзээд “Ер нь сумогоор барилдъя” гэх болжээ. Ингээд ээж Ж.Оюун-Эрдэнэ нь хүүгээ дагуулаад Япон руу аялахаар явжээ. Буцаж ирэхдээ Г.Ган-Эрдэнэ “Ер нь сумогоор барилдаж болмоор юм байна” гэж ярих болсон гэсэн гэнэ. Тэгсэн нэг өдөр Ж.Мөнхбат аварга утасдаад “Японы Тоттори сургуулийн сумогийн багш нар ирж хүүхдүүд авахаар болсон байна. Чи шалгуулаад үз” гэжээ. Японоос багш нар очих гэж байгааг Хакухо М.Даваажаргал аавдаа дуулгасан гэнэ. Ингээд багш наро ирж сонгон шалгаруулалт хийгээд дөрвөн хүүхэд аваад явсны нэг нь Г.Ган-Эрдэнэ байж. Харин түүнтэй хамт одоо сэкиваки цолтой барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров шалгалтад тэнцэж япон руу явж байжээ. Тэр үед Г.Ган-Эрдэнэ 120 гаруй кг жинтэй байсан бол өдгөө 180 кг жинтэй. Очоод сумогийн хүнд хэцүү бэлтгэл хийдэг ч гэлээ гэрийнхэндээ хэцүү байна, шантарч байна гэж ганц ч удаа хэлж байгаагүй гэнэ. Сүүлд жүрёо зиндаанд амжилттай барилдаж байхдаа аав ээжийгээ Японд урин аялуулах үеэрээ “Анх ирсэн үед ч хэцүү байсан шүү. Үнэхээр хэцүү бэлтгэл сургуулилт хийдэг байсан” гэж цухасхан дурьдаад өнгөрчээ.

Тэрүнофүжи шинэ он гарсны дараахан ээжтэйгээ утсаар ярихдаа “Энэ жил би заавал озэки цолонд хүрнэ” гэж амалжээ. Хүүгийнхээ ам гарахыг сонссон ээж нь цагаан хэл амнаас хол байх болтугай гэсэндээ башётой өдөр бүр хүрээ, хийдээр явж хэл амны ном уншуулдаг гэсэн. Түүний аав ээж хоёр нь Г.Ган-Эрдэнийг 2011 онд анх Япон руу явахад аав ээж хоёр нь хоёр сая төгрөгийг иен болгон өгч явуулж байсан гэнэ. Замын зардал, сургуулийн төлбөр зэргийг Тоттори сургуулийнхан дааж байсан бөгөөд очсон хойноо тэр бүр мөнгө төгрөг нэхэж байгаагүй гэсэн. Харин ч бүр сайн барилдахын хэрээр цалин мөнгө авч өнгөрсөн жилийн тавдугаар сард аавдаа хар, ээждээ цагаан өнгийн “Toyota Harrier” маркийн хайбрид машин өгч явуулсан гэнэ. Бас зарим сард хэрэглээнээсээ илүү гарсан мөнгөө гэр рүүгээ явуулдаг ажээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Манай улс нар, салхи, усны сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй

“АСЕМ: Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” сэдэвт олон улсын хурал манай улсад болж байна. Сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтнүүд мэдлэг, туршлагаа солилцох, Ази-Европын орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгаа шинжилгээний шинэ орчинг бүрдүүлэх зорилготой болж буй тус хуралд Ази-Европын уулзалтын гишүүн болон бусад улс орны 100 гаруй зочид оролцов. Өчигдөр эхэлсэн хурлын нээлтэд Эрчим хүчний сайд Д.Зоригт, АСЕМ-ын Ази, Европын сангийн гүйцэтгэх захирал Ян Зан нар оролцсон. Нээлтийн үеэр “Ази-Европын орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үнэлэх, Монгол Улс гишүүн улсуудтай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэрэгцээ, үр ашгийг тодотгох боломжийг нээнэ” хэмээн онцолж байлаа. Хурал “Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль эрх зүйн болон зохицуулалтын орчныг сайжруулах үүднээс Засгийн газар, оролцогч талууд болон олон нийтийн мэдээллийг дээшлүүлэх”, “Ази-Европын орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үнэлэх”, “Монгол Улс гишүүн улсуудтай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэрэгцээ, үр ашгийг тодотгох”, “Хөгжиж буй улс орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хөгжүүлэхэд тулгарсан асуудал, бэрхшээлүүд болон боломжуудыг хянаж шинжлэх”, “Үндэсний, дэд бүс нутгийн, бүс нутгийн түвшинд бодлого боловсруулах, стратегийн зохицуулалтыг дэмжих зөвлөмж” гэсэн ерөнхий агуулгын дор өрнөж байгаа юм.

Эрчим хүчний яам, Гадаад хэргийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас хамтран зохион байгуулж буй уг хурлыг БНАЛАУ-д 2012 онд болсон АСЕМ-ын дээд хэмжээний IX чуулганы үеэр Ази-Европын удирдагчид бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад шинэ болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хөгжүүлэх мэдээлэл, туршлага солилцож, судалгаа шинжилгээний замаар эрчим хүчний хүртээмж, эрчим хүчний шинэ төрлийг дэмжих, эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийг сайжруулах, ялангуяа хөгжиж буй орнуудад өртөг багатай, байгаль орчинд ээлтэй техник, технологи ашиглахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэн, шинэ болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, техник, технологийг сайжруулан ашиглахад Засгийн газар, хувийн хэвшил, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудын оролцооны ач холбогдлыг тодотгожээ. Түүнийхээ дараа жил буюу 2013 онд Энэтхэгт болсон АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын XI уулзалтын үеэр энэ асуудлыг дахин хэлэлцсэн байна. Энэ үеэр АСЕМ-ын гишүүдийн баталсан хамтын ажиллагааны санаа­чилгуудад Сэргээгдэх эрчим хүч, түүний бодлого, стратеги, сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох, санхүүжүүлэх, технологийн шинэчлэлүүд оржээ. Ингээд өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Бельгид болсон Ази-Европын орнуудын ахлах албан тушаалтнуудын уулзалтын үеэр Монгол Улсыг төлөөлөн оролцсон ахлах албан тушаалтан Сэргээгдэх эрчим хүчний олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулах санал тавьснаар уг хурал манайд болж байгаа юм байна. Хурлын үеэр Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар “Монгол Улс нар, салхи, усны эрчим хүчний сэргээгдэх арвин их нөөцтэй. Нарны нөөцийг агаар мандал дахь тунгалаг шүлтийг хэмжиж тогтоодог. Энэ үзүүлэлт далайгаар хүрээлэгдсэн орнуудад их бага байдаг юм. Харин манайх шиг эрс тэс уур амьсгалтай газар, тэр дундаа говийн аймгуудад нарны эрчим хүчний нөөц асар их” гэв.

Хуралд оролцож байгаа хүмүүст зориулан “Малчин” компани өөрсдийн бүтээсэн нарны энергиэр ажилладаг бүтээгдэхүүнээ танилцуулж байсан. Тэд нарны энергиэр гар утас цэнэглэгчтэй гар чийдэнгээс эхлээд 50, 100, 200 ваттын нарны зайн систем, нарны энергиэр ажилладаг шумуул үргээгч зэргийг үйлдвэрлэж эхэлжээ. Хурлын төлөөлөгчид завсарлах үеэрээ ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг сайшааж байсан. “Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг болсон Монгол Улсын компаниуд ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь маш сайн. Бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан зах зээлд өргөнөөр борлуулах хэрэгтэй. Мөн нарны энергийн нөөцтэй бүтээгдэхүүн гаргаж олон улсын зах зээл дээр худалдаалах боломжтой” гэж байлаа.

Манай улсын хувьд нар, салхи, усны сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй учраас уг салбарыг хөгжүүлэн гадны туршлагатай компаниудтай хамтран ажиллавал хурдан хөгжих маш том боломж байгаа гэнэ.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

Тусгай гэрэл ашиглан усан дотор хүнсний ногоо ургуулж байна

“Баянбүрд ногоон төгөл” ХХК-ийнхан гидропон, лед гэрэл ашиглан гурван төрлийн салатны ногоон навч тарьж байгаа ажээ. Япон, Солонгос зэрэг Азийн өндөр хөгжилтэй улсад шинээр нэвтрээд байгаа уг технологийг ашиглан өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд анхны ургацаа авчээ. Гэрлээр хэрхэн ногоо ургуулж буйтай танилцахаар Партизаны сангийн аж ахуйн Цагаан чулуутын аман дахь тус компани дээр очив. Хоёр давхар сэндвичэн барилга дотор шинэ технологио суурилуулжээ. Байшингийн нэг давхрын хэсэг газрыг вакуумжуулан салатны навч тарьж байгаа юм байна. Тийш орохдоо хоёр хаалганы завсар зогсоод тусгай зориулалтын ариутгал хийлгээд дотогш нэвтрэх боломжтой ажээ. Хаалгануудын завсар гурван хүн багтах зайтай бөгөөд хүнгэнэсэн чимээ гарч хувцсан дээр наалдсан тоос шороог цэвэрлэв. Ариутгал хийсний дараа орох хаалга аяндаа нээгддэг ажээ. Ногоо ургаж байгаа газар дээд зэргийн ариун, цэвэр байх ёстой болохоор ийн ариутгадаг юм байна. Өрөөнд ямар ч нарны гэрэл тусахгүй байв. Гурав орчим метрийн өндөртэй тавиур дээр салатны навч ургаж байлаа. Салатны навч бүрийг жижигхэн саванд хийн эгнүүлэн өржээ. Дээрээс нь нарийхан цагаан гэрэл тусгасан байв. Тусгай зориулалтын сайжруулсан хөрс ашигладаг бөгөөд Солонгосоос захиалж авчирчээ. Одоогоор лоолоо, мульт бэйби, румён гэсэн гурван сортын салатны навч тарьж байгаа юм байна. “Баянбүрд ногоон төгөл” ХХК-ийнхан уг технологийг Солонгосоос оруулж иржээ. Монголд анх удаа оруулж ирж байгаа болохоор тэндхийн мэргэжилтнүүд хүрч ирж суурилуулаад, ажиллуулах зааврыг өгөөд буцсан гэнэ. Аливаа ургамал хөрс, ус, гэрэлтэй байж ургадаг. Харин нарны гэрэлгүй байсан ч тусгай гэрлээр орлуулан ногоо ургуулах аргыг япончууд олжээ. Салатны навчийг тарихдаа хамгийн эхлээд үрээ хөрсөнд хийдэг ажээ.Үрийг нь мульти бэйби гэх бөгөөд эрхий хуруун чинээ хэсэгхэн хөрсөнд гурав хоног таглаатай байлгахад соёолдог ажээ. Соёолсон хойно нь гэрэлд гаргаж 7-10 хоног байлгадаг байна. Энэ хугацаанд доошоо үндэс нь гараад ирдэг гэнэ. Нэгэнт үндэслэсэн бол хөрсөнд суулгаад 35-40 хоног байлгахад хурааж авахад бэлэн болдог юм байна. Ингээд нийт 45 хоногийн дараа ургацаа хурааж авдаг ажээ. Ургаж байх явцад гадны тоос шороо оруулж болдоггүй гэсэн. Эрүүл ахуйг дээд зэргээр хангаж байж нян бактеригүй, шинэхэн ногоо хурааж авдаг гэнэ. Салатны навчнуудаа тарьсан өдөр, өдрөөр нь ангилаад өрчихөж. Долоо хоногт хоёроос гурван удаа үрээ хөрсөнд хийдэг гэсэн. Тэгэхээр долоо хоногт хоёр удаа ургац хурааж авдаг ажээ. Нэг хураахдаа дунджаар 50-60 кг салатны навч хураадаг юм байна. Харин амтны хувьд тун шүүслэг. Хятадаас орж ирж байгаа салатны навчийг олон хоногоор хадгалсан байдаг болохоор шүүс гэхээр зүйл байдаггүй гэнэ. Бас навчных нь ногоон өнгийг удаан хадгалахын тулд химийн бордоо ашигладаг ажээ. Тиймээс чийгээ алдчихдаг юм байна. Харин шинээрээ байгаа салатны навч А болон С витаминаар баялаг тул дархлаа сэргээдэг. Бас төмөр фолийн хүчлийн агууламж өндөр болохоор хлостерин үүсэхээс хамгаална. Хоол хүнсэндээ тогтмол хэрэглэвэл цус багадалт, зүрх судасны өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой. Мөн кальц ихтэй учраас ясны сийрэгжилтээс сэргийлдэг юм байна. Өтгөн хатдаг хүмүүс салатны навчийг дангаар нь идвэл тустай ажээ. Учир нь ислэгийн агууламж өндөр болохоор гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хоолны шингэцэд эерэгээр нөлөөлдөг гэсэн.

Салатны навч арчилгаа харьцангуй багатай гэсэн. Үрээ соёолуулаад хөрсөнд суулгасан байхад аяндаа л ургачихдаг гэнэ. Гол нь өрөөний дулааныг тогтмол 22-26 хэмд барьж байх ёстой. Бас 65-70 хувийн чийгшилтэй байлгах учиртай. Орчныг нь бүрдүүлээд өгсөн байхад хүн хүчний хэрэгцээ ч бага. Тусгай хөрстэй, хуванцар саваа устай тавцан дээр эгнүүлэн тавьдаг болохоор усалгаа хийнэ гэсэн ойлголт байхгүй. Ус нь ердийн гүний худгийнх. Гадаа дулаахан байвал нарны гэрэлд, сэрүүхэн үед тасалгааны хэмд хэд хонуулж жаврыг нь арилгаж байгаад ашигладаг гэсэн. Хүлэмжинд тарьдаг бусад төрлийн нарийн ногоог бодвол энд хоёрхон хүн ажилладаг ажээ. Салатны навч тарьж байгаа нийт талбай 425 м2 болохоор хоёр хүн ажиллахад хангалттай байдаг гэнэ. Агрономич нь Ц.Цэцэгбал гэж эмэгтэй байв. Тэрээр ХААИС-ийн Жимс, ногооны агрономичийн ангийг төгсчээ.

Эднийх тарьсан салатны навчаа “Саруул” зах, “Меркури” худалдааны төв дээр борлуулдаг юм байна. Нэг кг-ийг нь дөрвөн мянган төгрөгөөр зах зээлд нийлүүлж байгаа. Бас “Кемпински” зочид буудал, хоёр гурван кофе шоп байнга худалдан авч салат, хоёрдугаар хоолондоо хэрэглэж буй гэнэ.

“Баянбүрд ногоон төгөл” ХХК 2003 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Одоогоор 20 га талбайд арваад төрлийн мод, жимс тарьж байгаа юм байна. Бас хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль, чинжүү зэрэг нарийн ногоо тарьж байгаа ажээ. Хүлэмжинд өргөст хэмх тарихад долоо хоногт хоёр тонн ургац хурааж авдаг гэсэн. Бас 300-400 кг улаан лооль хураадаг юм байна. Өнөө жилээс өвлийн хүлэмж барин жилийн дөрвөн улиралд нарийн ногоо тарихаар төлөвлөжээ. Тарьсан нарийн ногоогоо “Барс” зах дээр зардаг гэнэ. Өдгөө бөөрөлзгөнө, тошлой, интоор, үхрийн нүд, чацаргана зэрэг жимс тарьж байгаа ажээ. Үүнийхээ зэрэгцээ хайлаас, шар хуайс, шинэс, бургас, улиас зэрэг мод үржүүлэн суулгацыг нь зах зээл дээр борлуулж байгаа юм байна.

Биднийг очих үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны ерөнхий боловсролын сургуулийн аравдугаар ангийнхан ирчихсэн чацарганын мод суулгаж байлаа. Тэд амралтынхаа өдөр очиж өдрийн 10 мянган төгрөгөөр цалинжин ажилладаг юм байна. Сургуулийн хүүхдүүдийг ийн ажиллуулдаг болохоор өөрсдийн суулгацаараа хороо, сургуулийн эргэн тойронд ногоон байгууламж бий болгож өгдөг ажээ. Захирал нь Ч.Цэвээнхүү гэж эмэгтэй байв. Тэрээр өнгөрсөн жил “Чингэс бонд”-ын хөрөнгөөс Жижиг, дунд үйлдвэрлэлийн төслийн хүрээнд 400 сая төгрөг зээлж авчээ. Түүн дээрээ мөн л 400 гаруй сая төгрөг нэмэн гидропон, лед гэрлээр салатны навч тарих тоног төхөөрөмжийг оруулж ирсэн гэнэ.

Тус компани Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог “Ногоон ирээдүй” нэвтрүүлэгт оролцоод 2013 онд нарийн ногоо, жимсний төрөлд тэргүүн байр эзэлж байжээ. Харин өнгөрсөн жил мод үржүүлгийн төрөлд мөн тэргүүлсэн байна. Бас Уул уурхайн яамнаас зохион байгуулсан нөхөн сэргээлтийн ажилд идэвхтэй оролцож 800 мянган мод тарьж байжээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Хайрын хүч

Цас хаялсан өвлийн үдэш тэр хоёрын хайрын түүх эхэлжээ. Бүсгүй өөрийн гэсэн орлоготой болохын зэрэгцээ бизнес хийж үзэх залуу хүний эрч хүч дүүрэн тэмүүллээр нэгэн жижигхэн кафе ажиллуулаад удаагүй байв. Охин өнөөх кафег түрээсээр ажлуулж байгаа болохоор олон хүн зэрэг цалинжуулж чаддаггүй, тиймээс ганцаараа л зүтгэнэ. Аягаа угаагаад, орж ирсэн хүмүүсийг угтаж аваад, захиалгыг нь хүргэж өгөн завсар чөлөөгүй гүйж байсан жирийн л нэг өдөр ирээдүйн нөхөртэйгээ танилцжээ. Шинэхэн цасны жаварт бээрсэн залуу аяга халуун кофе уухаар кафед ортол зүүн хацар дээрээ содон мэнгэтэй, нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан охин үйлчилж байх нь тэр. Цаанаа л нэг сэтгэлд дотно санагдах охиныг хараад суугаад л байж. Залуугийн ширээг тойрч гүйгээд байхаар нь “Халуун кофе уух гэж орж ирсэн юм” гээд аяархан хэлчихэв. Тэгсэн охин инээд алдан гүйж ирснээр залуу хос анх удаа харц тулгарчээ. Б.Тамир, С.Болормаа хоёрын танилцсан түүхийн эхний хуудас нэг иймэрхүү. Анхны харцаар дурладаг гэдэгт итгэдэггүй байсан залуу хайртай бүсгүйгээ харж сэтгэл алдарсан цагаас хойш тэдний ажлаас салсангүй. Өглөө гэрээсээ гарахдаа түүндээ яаж сайхан харагдах вэ гээд аль ганган хувцсаа өмсөж гарна. Өдөр цайны цагаар ажлынхаа хамт олныг дагуулан очиж өдрийнхөө хоолыг иднэ. Байнгын үйлчлүүлэгч болсон хойноо С.Болормааг эргүүлж талтай гэдгээ илэрхийлсэн хойноо залуу орой ажлаа тараад кафед очдог болов. Зөөгч, бармен хийж ажилд нь тусалж байгаад оройд гэрт нь хүргэж өгнө. Сэтгэл гэгэлзүүлсэн хаврын орой ажлыг нь тарахыг хүлээж байгаад хотын төвөөр алхаж байхдаа үерхэх санал тавьж хосууд болцгоожээ. Нинжин сэтгэлтэй, тусч, үзэсгэлэнтэй түүнтэйгээ үерхэхийг гуйж байхдаа л сэтгэл дотроо “Чамайгаа насан туршдаа үүрд хайрлана” гэж шивнэж байсан гэдэг. Болороо ч ажилсаг, нөхөрсөг Тамирынхаа гуйлтыг баярлан догдолж хүлээж авчээ.

Б.Тамир хэвлэл мэдээллийн салбарын хүн. “ETV”, “Боловсрол” зэрэг телевизэд хөтлөгч, нэвтрүүлэгчээр ажиллаж байлаа. Мэдээний албаны сэтгүүлчээс гараагаа эхэлсэн тэрээр өдгөө “6500 mile” нэртэй нэвтрүүлгийг АНУ-аас бэлтгэн үзэгч олондоо хүргэж байгаа. Сэтгүүлч мэргэжилтэй болохоор гэргийтэйгээ нийлээд “Хоёулаа өөрсдийн гэсэн телевизтэй болно” гэж ирээд л мөрөөднө. Мөрөөдлөө бүр биелчихсэн юм шиг хоорондоо ярилцана. Мэдээний хөтлөгч хэн байх вэ, программын албаны даргад хэн тохирох вэ гээд ярилцаж суух нь тэдний амьдралын жаргалтай мөчүүдийн нэг байлаа. Бас ээж шигээ хөөрхөн охинтой, аав шигээ халамжтай хүүтэй болох тухай ярилцаж байсан нь саяхан. Чемодантай хувцастайгаа айлын хажуу өрөө түрээслэн аз жаргалтай амьдарч байхдаа орой бүр мөрөөдлөө баяжуулан төлөвлөдөг байв. Удалгүй хосууд ажилдаа шамдан цалингаа нэмүүлээд өөрсдийн гэсэн унаатай боллоо. Өмнө нь цалин буусны дараахь хэд хоног таксидаж үлдсэн өдрүүдэд хөтлөлцөн алхдаг байсан тухайгаа тэд мартсангүй. Хааяа ажлаа тараад харих замд нь хүүхдээ тэвэрсэн юмуу, өндөр настай хүн гар өргөөд зогсож байвал очих ёстой газар руу нь дөхүүлээд өгнө. Мөнгө төгрөг гэж авахгүй бусдад бага ч болтугай тусалсандаа баярлаад буцдаг байв. Харин өөрсдийн гэсэн машинтай болчихоод “Өмчтэй боллоо” гэлцэн хүүхэд шиг баярлаж байжээ.

Нэгэнт хоёр биенээ олсон хосууд аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт олноо баярлуулан гэрлэлтээ батлуулан Б.Тамирынх гэж айлын өрхийг татсан нь 2013 оны зургадугаар сар. Хуримын ордонд гэрлэлтээ батлуулаад, талбай дээр очиж зургаа авахуулаад, Ганданд очиж ирээдүйгээ даатган сүслэн залбирсан тэр өдөр аз жаргалаар бялхаж байлаа. Бас хүндтэй зочдоо ресторанд урин найрлаж дуусчихаад “Одоо хаачих вэ” гэж өөдөө өөдөөсөө ширтэлцэн инээмсэглэж зогсож байсан үеэ Б.Тамир нандигнан хайрладаг. Тухайн үед өөрсдийн гэсэн гэр оронгүй байсан болохоор тэгж тээнэгэлзсэн хэрэг. Харин хурим хийснийхээ дараахан найман хувийн зээлд хамрагдаж хоёр өрөө байр худалдан авчээ. Бал сараа Америкт очиж тэмдэглэсэн дурлалт хос эх орондоо ирээд удаагүй байв. С.Болормаа уул уурхайн компанийн нарийн бичгээр ажиллана. Ажил ихтэй, заримдаа уртасгасан цагаар ажиллан өөрийгөө дайчилдаг байжээ. “Ажил ихтэй болохоор намайг тоохгүй юм” гэж хүүхэд адил хошуугаа цорвойлгон эрхлэх нөхөр рүүгээ яарах тэр нэгэн өдөр баруун хөл нь гэнэтхэн өвдсөн гэнэ. Ажил ихтэй байсан болохоор л ингэж өвдөж байгаа юм байх даа гээд эхэндээ нэг их тоосонгүй. Гэтэл нэг л биш ээ. Аль сайн гэсэн эмнэлэг болгонд очиж үзүүлэв. Онош нь тодрохгүй л байлаа. Эмч нар өвчин намдаах тариа хийж өгөхөөс өөрөөр тусалж чадсангүй. Гэвч баруун хөл нь тэсэхийн аргагүй өвдөхийн зэрэгцээ зүүн хөлнөөсөө зөрж нарийсаж эхэлжээ. Бүр өөрийн мэдэлгүй болж суга таягтай эмчилгээ хийлгэн явдаг боллоо. Эмч нар тийм өвчин байна, ингэвэл эдгэнэ гээд оношилж чадсангүй. Ямар ч байсан ясандаа л өвчин нь байна гэдгийг мэдээд Хавдар судлалын үндэсний төвийн Өвчин хөнгөвчлөх төвд яс хамгаалах тариа хийлгэж эхлэв. Эмч нар “Монголд оношлох боломжгүй байна. Эртхэн өндөр хөгжилтэй улсын эмнэлэг бараад” гэж зөвлөжээ. Ингээд Б.Тамир АНУ-д очиж эмч нартай уулзаад гэргийгээ нэн ховорт тооцогддог ясны хорт хавдартай болохыг мэдсэн байна. Хайр дурлалдаа умбан аз жаргалаар бялхаж байсан хосууд өдгөө АНУ-ын Лас Вегас хотод байгаа. Эмч нар С.Болормааг анх үзээд “Хэрэв одоо мэс засалд орвол суумгай болно. Тиймээс химийн эмчилгээнд оруулах нь зүйтэй” гэжээ. Хосууд химийн эмчилгээ хийлгэн аюулт өвчнийг хамтдаа даван туулна гэсэн итгэлтэй байгаа. Гэсэн хэдий ч зургаан сарын турш таван удаагийн курс эмчилгээнд ороод нааштай үр дүнд хүрээгүй л байна. Нэгэнт химийн эмчилгээ өвчнийг дийлэхгүй байгаа болохоор мэс засал хийлгэхээр болжээ. Төлбөр нь хэдэн ам.доллар болохыг урьдчилж хэлж мэдэхгүй гэсэн. Яагаад гэхээр ийм төрлийн хорт хавдар тун ховор болохоор мэс засал тогтмол хийдэггүй юм байна. Тэгэхээр төдөн ам.доллар болно гэсэн ханш байхгүй ажээ. Эмч нарын урьдчилан таамаглаж буйгаар хавдрыг аарцагны ястай хамт тайрч авахад 40-50 мянган ам.доллар болно гэнэ. Бас нэг боломж байгаа нь ясыг тайрч аваад металлаар орлуулбал хоёр хөл дээрээ зогсох боломжтой. Ийм төрлийн мэс засалд ойролцоогоор 80-100 мянган ам.доллар хэрэгтэй ажээ.

Одоогоор бүх химийн эмчилгээг зогсоож зөвхөн өвчин намдаах тариа хэрэглэж байгаа юм байна. Хавдар маш хурдацтай томрохын зэрэгцээ уушги руу нь үсэрхийлчихсэн байгаа гэсэн. Тэгэхээр эмч нар яаралтай мэс засалд орохыг зөвлөж байгаа ажээ. Харин уушгинд үсэрхийлснийг химийн эмчилгээгээр тогтоох боломжтой гэжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл холын Америкт эмчлүүлэх зардлыг ар гэрийнхэн нь чадах чинээгээрээ бүрдүүлж байгаа. Бас хосууд гал голомтоо бадраасан хоёр өрөө орон сууцаа барьцаалан зээл аваад явжээ. Одоо харин мэс заслын төлбөр дээр тун аргагүйдэж байгаа юм байна. Тиймээс С.Болормаа, Б.Тамир нарын найзууд нийлэн хандивын тоглолт зохион байгуулж залуу хосод сэтгэлийн дэм өгөхөөр болсон. Тоглолтыг санаачлан зохион байгуулж байгаа С.Болормаагийн ангийнхантай уулзахад “Яаж ийж байгаад хэдэн төгрөг цуглуулаад туслах юмсан гээд эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна” гэж байлаа. С.Болормаа 2009 онд “Зохиомж” дээд сургуулийн Гаалийн удирдлагын 505.1 ангийг төгсчээ. Оюутан байхаасаа л бусдадаа тус болохыг хичээдэг байсан болохоор хүнд өвчтэй үед ангийнхан нь зүгээр өнгөрөхийг тэвчээгүй гэсэн. Тиймээс хамтлаг, дуучдыг нэгтгэн “Хайрын хүч” нэртэй хандивын тоглолт зохион байгуулж буй ажээ. Тоглолт энэ сарын 20-ны өдөр “UB Palace”-ын концертийн их танхимд 19.00 цагаас болно. Тасалбарын үнэ 15 мянган төгрөг. Уг тоглолтыг үзсэнээр хүнд өвчнөөр шаналж байгаа С.Болормаад бүсгүйд туслах юм. Бас ХААН банкин дахь түүний 5116016163 дансанд хандив өргөж болох юм байна. Тэрээр энэ сарын 22-нд мэс засалд орохоор төлөвлөжээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Б.Цэвээндаш: Эверестийн 6500 метрийн өндөрт авирч байхад газар хөдөлсөн. Тас хийгээд л явчихдаг юм байна лээ

Балбад хүчтэй газар хөдлөлт болж дэлхий нийтийг цочоож байх үеэр манай улсын хоёр уулчин Эверестэд авчирч байлаа. Тэдний авиралтыг Хятадын талаас бүрэн зогсоож бүтэн нэг жилээр Эверестийн авиралтыг хаасан. Харин манай уулчид өнгөрсөн ням гаригт эх орондоо ирсэн юм. Дэлхийн дээвэр дээр хоёр дахь удаагаа гарахаар явсан уулын спортын олон улсын хэмжээний мастер, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын уулчин, хошууч Б.Цэвээндаштай уулзлаа.

Эверестийг зорих аяллаа эхлүүлэхээр дөрөвдүгээр сарын 5-нд эх орноосоо хөдөлсөн. Авиралт хэзээнээс эхэлсэн бэ?

-Энэ удаагийн Эверестийн авиралт маань “Найрсаг Улаанбаатар эрүүл Монголын төлөө хамтдаа” гэсэн уриатай байлаа. Өнгөрсөн сарын 5-ны өдөр эх орноосоо мордож Катманду олон улсын нисэх онгоцны буудалд буусан. Тэнд хоёр хоноод аяллаа эхлүүлсэн юм. Эверестийн бааз буюу 5200 метрийн өндөрт дөрөвдүгээр сарын 12 гэхэд оччихсон байлаа. Тэнд хамгийн эхний бааз байдаг юм. Бас замдаа 3500 метрт өндрийн бэлтгэл хийсэн. Нэг ёсондоо өндрийн өөрчлөлтөд биеэ дасгаж байсан гэсэн үг. Манай багт Английн гурав, Румины нэг, Коста Рикагийн нэг, ОХУ-ын нэг, Украйны нэг уулчин багтаж байсан. Эдгээр уулчид маш олон жил ууланд авирсан, туршлагатай тамирчид байлаа. Арав, хорь, гучин жил биеэ бэлдсэний эцэст хамгийн сүүлийн зорилго болох Эверестэд аврахаар ирчихээд байсан. Тэдэн дундаас би 2012 онд Эверестийн оргил дээр гарч байсан. Бас Английн Жонн гэж уулчин хүн 2006 онд Эверест рүү авирч байсан гэсэн. Гэхдээ хүчилтөрөгчгүй болоод хөл, гар нь хөлдөөд авиралтаа зогсоож байсан тухайгаа ярьж байв. Тухайн үед хөлийнхөө дөрвөн хурууг тайруулж байсан юм билээ. Уг нь манай багийнхан Катмандугаас хөдлөхдөө арван нэгүүлээ явсан. Харамсалтай нь Германы хоёр уулчин өндөрт биеэ дасгаж чадахгүй буцсан. Бас Украйны уулчны баруун нүд хурц наранд сохроод авиралтаа зогсоохоос өөр аргагүй болов. Түүнийг бууснаас гурав хоногийн дараа ОХУ-ын уулчны бие муудаж толгой нь хүчтэй өвдөхийн хажуугаар ходоод нь өвдөөд Катманду руу буцсан. Ингээд есүүлээ үлдсэн.

-5200 метрийн өндөрт хэр удсан бэ?

-Тэнд хориод хоносон. Өндрийн өөрчлөлт явагдаж байгаа болохоор аль болох биеэ дасгах хэрэгтэй. Цасаар биеэ угаагаад өөрийгөө чийрэгжүүлж бүх хүнд хэцүүг сөрж зогсохгүй бол цааш авирах боломжгүй болно. Тэнд хэд хонож биеэ дасгаад 5750 метрийн өндөрт нэг хоносон. Цаашаа 6500 метрт гурав хоносон. Тэнд хонож байхдаа хоёр дахь өдрөө 7180 метрийн өндөрт гарсан. Эверестийн 80 хувийг туулсан гэсэн үг. 7180 метрийн өндөр лүүгээ гарчихаад буцаж кэмп дээрээ ирж амарчихаад маргааш нь дайралт хийнэ гэж төлөвлөөд байлаа. Гэтэл яг тэр өдөр газар хөдлөлт болсон.

Орон нутгийн цагаар хэдэн цагийн үед вэ?

-Үдээс хойш байсан. 16 цаг л болж байсан болов уу. Бид нар кэмпийнхээ хоол цайгаа идэж уудаг газар байж байлаа. Хоорондоо ярилцаад сууж байтал тас гээд явчихсан. Ёстой чих дөжрөм чимээ л гэж тэрийг хэлэх байх. Яг тэгж дуугарах үед хаана, юун дэлбэрэлт болчихов оо гэж бодсон. Тэгсэн ширээн дээр байсан зүйл газар унаад уул тэр чигтээ чичрээд эхэлсэн. Тэрүүхэн хооронд газар хөдөлж байна ч гэж боддоггүй юм байна лээ. Юу болоод байна вэ гээд учраа олохгүй бүгдээрээ орилолдлоо. Сууж байсан хүмүүс бүгд босож зугтаад. Тэр өндөр ууланд хаашаа зугтахаа мэдэхгүй хэрнээ гүйлдээд байдаг юм билээ. Хэдэн хором өнгөрөхөд газар хөдөлж байна гэдгийг мэдээд майхан руугаа ухасхийсэн. Тэнд камер байсан юм.

Тийм үед бичлэг хийсэн гэж үү?

-Эгзэгтэй мөч болгоныг дүрсжүүлж монголчуудтайгаа хамт авирна гэж байсан болохоор хамгийн түрүүнд тэр л санаанд орсон хэрэг. Хүмүүс нэг хэсэг орилолдож гүйлдэж байгаад бөөгнөрөөд уулынхаа голд зогсчихсон. Ихэнх уулчид анх удаа тэгж хүчтэй газар хөдлөхийг харж байгаа нь тэр. Би ч гэсэн өмнө нь газар хөдлөхийг мэдэрч байгаагүй. Харин сая газар хөдлөлтийг мэдрэх мэдрэхдээ 6500 метрийн өндөрт мэдэрлээ.

Эргэн тойронд өндөр уулнууд байсан байх. Тэд яаж харагдаж байсан бэ?

-Савлагаатай байсан. Өндөр уулан дээр байгаа болохоор тэр үү дуу чимээ айхтар байсан. Ерөөсөө л тас гээд явчихдаг юм байна лээ. Тэгээд дээрээс цас, мөс нурж орж ирж байлаа. Том том хад чулуу нурж орж ирж байсан.

Газар хөдлөлт гурван удаа болсон гэсэн байх аа?

-Тэгсэн. Эхнийх хамгийн хүчтэй нь байсан. Тэгээд дөнгөж учраа олоод байж байтал 20-иод минутын дараа дахиад дайвалзаад эхэлсэн. Тэр нь арай гайгүй. Гурав дахь нь мөн л 20 орчим минутын дараа болсон. Гэтэл удалгүй хөтөч нар маань иридиумын утсаар холбогдох газруудтай яриад яаралтай уулнаас буу гэсэн. Хамаг юмаа хаяад л буусан даа.

Шууд Катманду руу буув уу?

-Эхний бааз болох 5200 метр дээр ирсэн. Газар хөдлөлтөөс хоёр хоногийн дараа бууж ирж байгаа юм. Бууж ирээд утсаа нээтэл ар гэрийнхэн, найз нөхөд, албан байгууллага, хамт ууланд алхдаг хүмүүс гээд энд тэндээс зөндөө мессэж ирсэн байсан. “Монголын хоёр уулчин ор сураггүй байна” гэсэн мэдээлэл тарсан юм байна лээ. Гэрийнхэн болон намайг таньдаг хүмүүс сандраад бөөн юм болж байсан байх. Тэгээд ямар ч байсан амьд байна гэдгээ мэдэгдээд доошоо буусан.

Хэрэв газар хөдлөөгүй байсан бол авиралтаа яаж үргэлжлүүлэх байсан бэ?

-Бид хэд 7800 метрийн өндөрт байрлах гэж байсан юм. Тэндээ гурав, дөрөв хоног амарчихаад үндсэн авиралтаа хийн оргил дээр гарахаар төлөвлөөд байсан. Гэтэл байгалийн гамшигт үзэгдлийг яах ч аргагүй. Нэг бодлын их харамсалтай байна. Бэлтгэл сайтай байсан болохоор бие их сайн байлаа. Хөнгөн шингэн, өндрийн өөрчлөлтөд аль хэдийнэ дасан зохицсон байсан. Өөртөө их итгэлтэй байсан болохоор авиралт зогсоосон байхад хүртэл итгэж чадахгүй байсан.

Ямар ч арга байхгүй. Буу гэсэн үү?

-Дөрөвдүгээр сарын 25-нд газар хөдөлсөн шүү дээ. Тэр үед бүх уулчдыг буу гэсэн. Гэхдээ би хамгийн сүүлийн өдөр хүртэл буюу энэ сарын 5 хүртэл 5200 метрийн кэмп дээрээ байсан. Тавдугаар сарын 5-наас уулчдыг хүчээр буулгана гэж байсан юм. Сүүлийн өдөр хүртэл байгаад байсан нь юмыг яаж мэдэх вэ гэж бодсонтой холбоотой. Яг газар хөдлөлт болох үеэр Эверестэд 300 гаруй уулчин авирч байсан юм билээ. Би хамгийн сүүлд уулнаас буусан 17 уулчинтай хамт ирсэн.

Газар хөдлөлт болох үед оргил дээр гарчихсан уулчин байсан уу. Бас та нараас өндөрт яваа багийнхан байсан болов уу?

-Оргил дээр гарсан уулчин байгаагүй. Манай багийнхан хамгийн өндөрт байх кэмпийг эзэлчихсэн байсан. Тэгэхээр Түвд талаасаа лав бидний дээр явсан уулчин байгаагүй.

Уулчид маш их эрсдэж байна гэсэн мэдээлэл байсан?

-Балба талаас нэлээн их хохиролтой байсан мэдээ байгаа. Урд талаас авирч байсан уулчдаас 26 хүн газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан гэсэн мэдээ байна лээ. Түвдэд зургаан уулчин амь үрэгдсэн гэсэн. Яг хажууд байгаа хүмүүсээс нас барсан хүн байхгүй ч өндөр дээрээс нурж унаж байгаа хад, чулуунд оногдоод нас барсан гэж байна лээ. Түвд талаас 1200 гаруй хүн орон гэргүй болсон гэж мэдээлж байсан.

Яг газар хөдөлж байхад юу бодогдож байв?

-Их л гайхсан даа. Гэхдээ арай ч авиралт зогсоочихно чинээ санаагүй. Газар хөдөлж байгааг нь мэдээд одоо удахгүй гайгүй болчих болов уу гэж бодож байсан. Дууссан хойно нь “За ашгүй, намдчихлаа. Өнөө шөнө сайхан амраад маргааш дайралтаа хийнэ дээ” л гэж бодож байсан. Манай багийнхан хувцас хунараа хүртэл бэлдээд авирна гэж бодож байсан юм. Гэтэл ямар ч аргагүй, бушуухан доошоо буу гэж хэлсэн. Гэхдээ бас биднийг хуурч буулгасан байгаа юм. “Одоо дахиж газар хөдөлнө гэж байна. Доошоо буучихаад гурав, дөрвөн өдрийн дараа дахиад гарч ирье” гэж хэлсэн. Хэрэв бүх юм дууссан, уулыг хаалаа гэсэн бол уулчид дээшээ зүтгэх л байсан. “Бид нар мөнгөө төлсөн. Одоо 6500 метрийн өндөрт байгаа юм чинь дээшээ гарна” гээд дайрчихвал бас боломж байсан байж мэдэх юм. Хөтөч нарт тэндхийн уулын холбооноос “Уулчдыг яаралтай буулга” гэсэн тушаал ирсэн шиг байна лээ.

Газар хөдлөлт болсны дараа байгальд ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?

-Дээшээ өгсөхөд зүв зүгээр байсан газруудад ангал үүсчихсэн байсан. Маш болгоомжтой, бие биеийнхээ гишгэсэн мөр болгон дээр гишгээд доош буусан. Ер нь нуралт явагдах аюул их байлаа.

Доор буугаад ирэхэд байдал ямар байв?

-Тэнд үлдсэн хүмүүс орилолдоод явчихсан. Буугаад ирэх болов уу гэж хэдэн өдөр хараад байхад ирэхгүй байсан болохоор бас жаахан сандарч байсан юм шиг байна лээ.

Та 2012 онд Эверестийн ноён оргил дээр гарч байсан. Харин энэ удаад ар талаас нь авирахад ямар байдаг юм байна?

-Эверест бол Эверест шүү дээ. Ард талаасаа хад асга ихтэй, урд талаасаа цасан хунгар их ихтэй. Нэг гоё нь Түвдийн талаас авирахаар Жомолунгма ноён оргил харагддаг юм билээ. Оргил нүдэнд харагдаад байгаа болохоор авирахад сэтгэлзүйн хувьд сайхан санагддаг юм байна.

Одоо Эверестийн авиралтыг бүтэн жилээр зогсоочихов уу?

-Тэглээ. Угаасаа Эверестэд жил бүрийн тав, аравдугаар сард авирдаг. Ирэх аравдугаар сарын авиралтыг бүр мөсөн хаасан. Ирэх оны тавдугаар сар хүртэл уулчид Эверестийг зүглэхгүй. Харин дараа жил уулчид авах эсэхийг холбогдох албаны хүмүүс шийднэ гэсэн.

Эверест доошоо суулт өгсөн гэж байсан. Тэр талаар мэдсэн үү?

-Суулт өгсөн гэж ярьж байна лээ. Зарим хүмүүс доошоо гурван метр суусан гэж байсан. Үнэн худлыг магадлаж чадсангүй. Катмандуд буугаад ирэхэд их хэцүү дүр төрх угтаж байна лээ. Нэг байшин нураад нөгөөгөө налчихсан ч байх шиг. Ер нь дайны дараах хот шиг болчихсон байхыг хараад сэтгэл өвдөж л явлаа.

Та бүхэн авиралт хийхийн тулд мөнгө төлсөн. Нэгэнт мөнгөө төлөөд авиралтаа дуусгаж чадаагүй болохоор ирэх жил ч юмуу дахиад авирч болох уу?

-Уг нь Хятадын Засгийн газраас тэтгэлэг олгох болоод нэг багт 5000 ам.доллар өгсөн юм. Тэрийг олуулаа хуваагаад авчихаар нэг хүнд 500 ам.доллар ноогдож байгаа. Түүгээрээ Лхас орох замын зардал хийгээд таарсан. Харин ууланд авирах эрх авсан байгууллагатайгаа холбогдоход “Хэрэв ирэх жил дахин авирах бол 7200 ам.долларын хөнгөлөлт үзүүлье” гэсэн. Одоо бол ямар ч боломж байхгүй юм билээ. Тэгээд ч гамшигт өртөөд хэцүү байгаа улсаас мөнгө нэхээд байх хэцүү.

Түрүүн та газар хөдлөлтийн дараа бичлэг хийсэн гэсэн. Хэзээ олны хүртээл болох вэ?

-Уулын спорт үзэгчгүй байдаг учраас хүмүүс тэр бүр мэдэрдэггүй. Тиймээс авиралтаа эхлэх үеэсээ эхлэн бичлэг хийж байлаа. Бүр сүүлдээ манай багийнхан намайг “Mongolian TV” гээд нэрлэчихсэн. Ер нь бол бичлэг хангалттай хийсэн. Одоо харин мэргэжлийн хүмүүст үзүүлж байж олны хүртээл болгох байх. Харин авиралтын явцад авч байсан гэрэл зургаараа үзэсгэлэн гаргая гэж бодож байгаа.

Ирэх жил Эверестийг зорих уу?

-Тэрийг өнөөдөр хэлж мэдэхгүй байна. Хөрөнгө мөнгөнөөс л хамаарна даа.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
булангууд мэдээ танайд-өнжье

Мисс бүсгүйтэй өнгөрүүлсэн нэг өдөр

Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд оролцож байсан Монголын миссүүдээс олны анхаарлыг хамгийн их татсан нь Т.Батцэцэг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон тэмцээний үеэр 120 гаруй орны гоо бүсгүйчүүлтэй өрсөлдөн эх орныхоо нэрийг дуудуулж байхад монголчуудын анхаарал нэг хэсэгтээ л Лондонд төвлөрч байлаа. “Мисс Монголиа-2014” тэмцээний үндэсний ялагч болон дэлхийн миссийн тэмцээнд оролцсон мисс бүсгүйтэй уулзахаар цаг товлон гэрт нь очлоо. Өөрийнх нь төрсөн гэр Дарханд бөгөөд хотод том эгчийндээ байдаг юм байна.

Яваад очтол ээжтэйгээ хоёул байв. Эгч, хүргэн ах хоёр нь Бельги, Монголын хооронд бизнес эрхэлдэг болохоор хоёр өдрийн өмнө гадаад руу явчихаж. Ээж нь дуутай шуутай нэгэн юм. “Гадаа ямархуу байна. Ойрд жаахан сэрүүхэн л байна. Гэхдээ ирж яваа цаг хойно мөдхөн дулаараад цэцэг ногоо ургаж дэлгэр сайхан цаг ирнэ дээ” гэсээр угтлаа. Ээж А.Алтанцэцэгтэй нь танилцан ойр зуурыг ярих хооронд Т.Батцэцэг цай аягалж ширээнд суулаа. Өөрийнх нь тухай, миссийн тэмцээний талаар, дэлхийн мисст оролцож байсан үеийн сонин хачин гээд олон зүйл сонирхон асуухад ээж рүүгээ л харах ажээ. Ээж нь ч яриад өгөх юм. А.Алтанцэцэг эгч “Би уг нь охиноо спортын хүн болгоё гэж бодож байсан юм. Тэр үед би Солонгост таван жил ажиллаад ирсэн. Охиноо нэгдүгээр ангид ороход нь яваад зургадугаар ангид байхад нь ирж байлаа. Солонгосоос ирээд онгоцны буудал дээр буухад ард “Ээж ээ” гэх дуу гарч байна. Эргээд хартал нэг л их өндөр хүмүүс. Тэгэхээр нь андуурсан юм байлгүй гэж бодоод том охиноосоо “Батцэцэг ирээгүй юм уу” гэж асуутал ард чинь л зогсож байна шүү дээ гэсэн. Эргээд хартал миний жаахан охин надаас өндөр болчихсон зогсож байдаг байгаа. Тэгэхэд би нэгдүгээр ангийн охин л хайгаад байсан” гэж ярилаа. Тэр үед ээжид нь нэг л сайхан мэдрэмж төрсөн гэнэ. “Би охиноо спортоос гадна урлагаар явуулах ёстой юм байна. Миний охины царай урлагийн хүн байхад тохирно” гэж боджээ.

Т.Батцэцэг таван хүүхэдтэй айлын отгон охин. Дээрээ хоёр эгч, хоёр ахтай. Эднийх Дарханы айл бөгөөд тэндхийн ШУТИС-ийн лицейг төгсчээ. Тэрээр багаасаа нуруулаг, үеийнхнээсээ өндөр байсан болохоор гар бөмбөг, сагсан бөмбөг зэрэг спортын төрлөөр хичээллэж эхэлсэн байна. Зүгээр нэг хичээллээд орхих биш олон уралдаан тэмцээнд оролцож сагсан бөмбөгийн спортын дэд мастерын зэрэг авч байжээ. Ээж нь биеийн тамирын багш бөгөөд залуу байхдаа бүжиглэдэг, дуулдаг, спортын олон төрлөөр хичээллэдэг, ёстой нэг адтай сэргэлэн бүсгүй байж. Тиймээс бага охиндоо “Чи ээжийнхээ шийрийг хатаах ёстой шүү” гэж захидаг гэнэ. Охин нь ч ээжийнхээ урмыг хугалалгүй бүжиглэвэл бүжиглэчихдэг, ямар ч дууг эвлэгхэн аялдаг, гар бөмбөг, сагсан бөмбөгийн шаггүй сайн тамирчин болжээ. Харин спортоор амжилт гаргах үедээ буюу наймдугаар ангийн сурагч байхдаа ангийнхаа охиныг дагаж яваад загварын дугуйланд санаандгүй очтол тэндхийн багш нь үндэсний дээл өмсгөж үзсэнээр загварын ертөнцөд хөл тавьжээ. А.Алтанцэцэг эгч “Манай Дарханы загварын агентлагийн Зоригоо гэж багш байдаг. Тэр хүн миний охиныг загварын ертөнцөд амжилт гаргаж чадна гэдгийг нээж өгсөн болохоор их талархаж явдаг юм” гэв. Ингээд Зоригоо багшийн загварын агентлагт ороод арав хонож байхдаа анхныхаа тэмцээнд оролцож тусгай байрын шагнал хүртсэн гэнэ. Тэр үед дөнгөж өсгийтэй гутал өмсөж сурч байсан цаг. Удалгүй Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн сайхан бүсгүйчүүдийн оролцсон “Шинэ давалгаа” нэртэй тэмцээнд түрүүлжээ. Ингээд ээж охин хоёр урамшин хот руу явсан байна. Хотод очоод “Монгол костюмс”-д ажилладаг Сэржмядаг гэж А.Алтанцэцэг эгчийн унаган багын найз дээр яваад очтол тэндхийн захирал Сувдаа охиныг нь олж харжээ. Дараа нь Сувдаа захирлын зөвлөснөөр “BBQ фото мисс” тэмцээнд оролцон тэргүүн байр эзэлжээ. Тэргүүн байрын шагналын эзэн Солонгосын “SK Cara” гоо сайхны брэндийн нүүр царай болох учиртай байсан гэнэ. Гэрээний дагуу зургаа авахуулахад Улсын их дэлгүүр, “Алтай центр” гэхчлэн томоохон худалдааны төвүүдээр таржээ. Тэр үед ээжид нь бас л их урам орж “Миний охинд хэнээс ч дутахгүй нүүр царай байна. Өндөр нуруу байна. Тэгш сайхан гар, хөл байна” гэж бодоод спортоос нь бага зэрэг хөндийрүүлэн загварын ертөнцийг илүүтэй анхаарах болжээ. Ингээд ээж нь найз Сэржмядагтайгаа ярьж байгаад Азийн топ модель Д.Болормаа дээр охиноо дагуулан очиж. Тэгсэн Д.Болормаа багш охиныг хараад “Энэ охин загварын ертөнцөд амжилт гаргаж чадна. Надад өгчих. Яг одооноос эхлээд манай агентлагт яв” гэжээ. Харин тэр үед ээж охин хоёр сургуулийнхаа амралтаар явж байсан болохоор “Оюутан болоод хотод ирэхээрээ тан дээр ирье” гээд буцсан байна. Дархандаа очиж ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд хотод иржээ. Ирээд Д.Болормаа багшийн агентлагт яваад очтол нүүчихсэн, гар утасны дугаараа сольсон учраас холбоо барьж чадаагүй гэнэ. Хоёр ч өдөр байж болох газруудад нь очоод уулзаж чадаагүй болохоор ээж нь “За ямар ч байсан хичээлдээ шамдаж бай” гэж захижээ. Т.Батцэцэг МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн Эдийн засгийн харилцааны ангийг төгссөн. Оюутан байхдаа гадуур явж байхад нь хэд хэдэн кино найруулагч кинонд тоглох санал тавьж байсан гэнэ. Бас загвар өмсөгч, миссийн тэмцээнд оролцуулаад өгье гэх санал ирж байжээ. Харин тэр үед “За ямар ч байсан ирээдүй байгаа юм байна. Одоохондоо хичээлдээ шамдъя” гэж бодсон гэнэ.

Одоо бол Т.Батцэцэг “Шилмэл загвар” агентлагийн гэрээт загвар өмсөгч. “Шилмэл загвар” агентлагтай холбогдсоноосоо хойш хилийн чанадад болж буй олон улсын тэмцээнд оролцож туршлага судлах болжээ. Улаан-Үдэд болсон тэмцээнд түрүүлээд зогсож байхад нь нэг юм авчраад нөмрүүлчихэж гэнэ. Хүйтэнд даарч байгаа гэж бодоод хэн нэгний хүрмийг нөмрүүлчихлээ дээ гэж бодоод зогсож байтал баяр хүргэж байгаа хүмүүс “Ямар гоё шуб вэ” гэж уулга алдаад байж. Тэгэхээр нь гайхаад “Юун шуб вэ” гээд хартал булган шубээр шагнуулсан байжээ. Тэр үед маш их баярлаж байсан бөгөөд Монголдоо ирсэн хойноо хэвлэлд “Шагнуулсан булган шубээ ээждээ бэлэглэнэ” гэсэн гарчигтай ярилцлага өгсөн байна. Тэр үед ээж нь Бельгид эмчилгээ хийлгэж байсан бөгөөд охиныхоо ярилцлагыг интернэтээс олж хараад баярын нулимс унагаж байсан нандин түүх ээж охин хоёрт бий. А.Алтанцэцэг эгч охиноо загвар өмсөж эхлэхээс өмнө “Хоосон толгойтой мисс хүүхэн. Миссүүд гоёж гангалахаас өөрийг мэддэггүй. Өөрийн толгойгоор амьдарч чадахгүй хүнээр ивээн тэтгүүлэн амьдардаг” гэхчлэн дандаа сөрөг яриаг олны амнаас сонсож байжээ. Тэгээд нээрээ л ийм байдаг юм байх гэж боддог байсан гэнэ. Харин охин нь загвар өмсөж эхлэхэд “Миний охин өөрийн боловсрол, мэдлэгээр хоолоо олж идэх ёстой шүү” гэдгийг хатуу анхааруулан захисан байна.

Мисс хүн болохоор хоолны дэглэм бариад эрүүл, зөв гэсэн бүхнийг л иддэг байх гэж бодоод “Чи хоолонд хэр вэ” гэж асуутал “Загвар өмсөгч гэхээр бараг шувууны порцоор хооллодог гэж боддог юм шиг байгаа юм. Та ямар хоол иддэг вэ, тэрийг би яг л адилхан иднэ. Эрүүл хооллохыг хүсэлгүй яахав. Гэхдээ эрүүл хооллоно гэдэг чинь өлсөөд, өөрийн дургүй зүйлээ хүчээр идэхийг хэлдэггүй. Би бол дуртай үедээ идэхийг хүссэн хоолоо иддэг” гэлээ. Харин багаасаа маханд дуртай биш байсан болохоор одоо ч гэсэн маханд тэгтлээ дурладаггүй гэсэн. Гэхдээ огт махгүйгээр амьдарч чадахгүй, монгол хүний бие организмд ч зохихгүй байх гэв. Бүр 18.00 цагаас хойш юм идэхгүй байх хэрэгтэй гэдгийг ч дагаад байдаггүй гэсэн. Орой 19, 20 цагийн үед өлсвөл хоол идчихнэ. “Хоолны дэглэм бариад хоосон ходоодтой явахыг би дэмждэггүй. Хоолоо хүссэнээрэээ идээд хөдөлгөөнтэй байхад л бол­чихно шүү дээ” гэж мисс бүсгүй зөвлөж байна лээ. Дэлхийн миссийн үеэр ч гэсэн тэр олон орны бүсгүйчүүд хоол сайн иддэг байсан гэнэ. Дэлхийн мисс шалгаруулах тэмцээний үеэр ч гэсэн бусад орны миссүүд хоолоо хангалттай сайн идэхийг ажиглаж явжээ. Лондонд байхдаа өдөр бүр өглөөний дөрвөн цагт босно. Өдөржин арга хэмжээнд очих, шалгаруулалтад оролцох гэхчлэн өндөр ачаалалтай ажилладаг байжээ. Арваад см-ийн өсгийтэй гутал өмсөөд тайзан дээр найм, есөн цаг зогсох бас тийм ч амар биш гэж байлаа.

Т.Батцэцэг гоо сайхандаа анхаарч байна гээд үнэтэй гэсэн болгоныг авч хэрэглээд байдаггүй гэсэн. Голдуу ээжийнхээ зааж өгсөн жорын дагуу маск тавьж арьсаа арчилдаг юм байна. Нүүрэндээ тэжээл өгье гэвэл нэг амны халбага зөгийн бал, оливын тос, элсэн чихрийг хольж хутгаад нүүрэндээ тавьдаг ажээ. Цайруулахаар бол өндөгний цагааныг зөгийн балтай хольж хэрэглэдэг гэсэн. Бас алим жижиглэж байгаад элсэн чихэр, зөгийн балтай холиод маск тавихад арьс толийгоод өнгө нь сэргэдэг юм байна. Энэ мэтээр дандаа гэрийн нөхцөлд маск бэлддэг гэнэ. Харин ээж охин хоёрын гоо сайхны жоронд элсэн чихэр өндөр байр суурь эзэлдэг юм билээ. А.Алтанцэцэг эгч “Элсэн чихэр гайхалтай үр дүнтэй шүү дээ” гэж магтаж байна лээ. Харин үсээ арчлахдаа халгайг чухалчилдаг юм байна. “Тавдугаар сард халгай ургаад хуруун чинээ болж байгаа. Тэр үед нь хайчилж аваад хатаах хэрэгтэй. Хатаасан халгайгаа нунтаглаж хадгалаарай. Нунтагласан халгайнаасаа хоёр халбагыг 300 грамм буцалсан халуун усанд хийж хонуулаад үсээ шавшиж болно” гэж зөвлөв. Ингэж бэлтгэсэн халгайн ханд үсний өнгийг сэргээдэг гэсэн. Ямар ч үнэтэй шампуниас илүү гялалзуулахаас гадна үсний уналтыг зогсоож, ургалтыг дэмждэг ажээ. Тэрээр өчигдөрхөн охиндоо ийм ханд бэлтгэснээ үзүүлэв. “Орчин үеийн хүүхдүүд гоо сайхандаа их анхаардаг болсон. Давхраа оюулаад, хамраа өндөрлүүлээд, хиймэл хумс наан хөөрхөн болдог. Энэ бүхнийг үгүйсгэхгүй ч охиндоо мэс хүргэхийг зөвшөөрөхгүй. Харин аав ээжээс заяасан биеэ арчлаад гоё сайхан яваасай гэж хүсдэг” гэлээ.

Ээж охин хоёртой ийн ярилцаж байтал Т.Бат­цэцэгийн гадагш гарах цаг болов. Өнгөрсөн бямба гариг мод тарих үндэсний өдөр байсан болохоор тэрээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж “Golden gym”-ийн хамт олонтой мод тарихаар болжээ. Тэрээр “Golden gym” фитнес клубт сүүлийн хоёр жил хичээллэж байгаа бөгөөд нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа олон ажилд тун идэвхтэй оролцдог гэнэ. Ингээд гадагш гарахаар болов. Тэрээр “Мерседес бенц” маркийн дунд оврын жийп унадаг юм байна. Энэ машиныг дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирэхэд ээж болон эгч, ах, хамаатан садангууд нь мөнгөө нийлүүлэн авч өгчээ. Одоо бол тэрээр дажгүй сайн жолооч юм билээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 12 цагийн үед ирэхэд энд тэндгүй мод тарьж байгаа хүмүүс байв. “Golden gym”-ийнхэн тэнд өөрсдийн гэсэн төгөл байгуулахаар багш, ажилчид, хичээллэдэг хүмүүсийнхээ хамтаар 1000 мод суулгаад дуусах дөхжээ. Т.Батцэцэг тус фитнес төвд идэвхтэй хичээллэдэг хүний хувьд дэмжин оролцоно гэдгээ урьдчилан хэлсэн болохоор түүний тарих модыг үлдээчихэж. Савхин өмд, хүрэм өмссөн тэрээр бээлий өмсөж байгаад суулгацынхаа нүхийг хүрзээр хурдан гэгч нь ухчихлаа. Хажуунаас нь харж зогссон ээж нь “Манай Баагий хар ажилд сайн. Би таван хүүхдээ багаас нь ажилд сургасан. Гар хөдөлбөл ам тосдоно гэдгийг мэддэг. Хоол хийх болон гэрийн ажилд ч сайн” гэлээ. Мисс маань ч түргэхэн гэгч модоо тариад арвын хувинтай усыг ганцаараа өргөж авчраад усалчихлаа. Бусад нь хэдийнэ модоо тарьж дуусаж байсан болохоор бөөнөөрөө зургаа авахуулаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх ажил дуусав. Тэндээс хөдөлж ээжийг нь буулгаад “Централ тауэр” руу явлаа. Тэнд “Мисс Монголиа” тэмцээний бүртгэл явагдаж байгаа юм байна. Т.Батцэцэг тус тэмцээний зохион байгуулагчаар оролцож байгаа болохоор өөрийн биеэр оролцогчдоо бүртгэж байгаа ажээ. “Централ тауэр”-ын хоёр давхарт байх дэлгүүрт бүртгэл явагдаж байлаа. Бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм гэнэ. Өнгөрсөн жил Т.Батцэцэг дэлхийн миссийн тэмцээнд тун амжилттай оролцож байсан болохоор охид “Мисс монголиа”-д оролцохыг тун их сонирхож байгаа гэнэ. Биднийг тэнд байх үед ээжийгээ, эгчийгээ, найзыгаа дагуулсан охид ирж тэмцээнд оролцохоор бүртгүүлж байсан. Бас хувийн зүгээс ямархуу бэлтгэлтэй байх вэ гэж Т.Батцэцэгээс зөвлөгөө авч байв.

Бүртгэлийн ажлын дараа тэрээр фитнестээ явна гэв. Хажууханд нь буюу “Тусгаар тогтнол”-ын ордны дөрвөн давхарт байх “Gоlden gym”-ын төв салбарт хичээллэдэг юм байна. Гадуур түүнтэй явахад зөрсөн хүн бүрийн харцыг булаах ажээ. Харин олны харцнаас тэгтлээ төвөгшөөдөггүй гэсэн. Заримдаа хэтэрхий удаан ширтээд, эрээ цээргүй хараад байгааүед л бага зэрэг эвгүйцдэг ажээ. Гэхдээ ээжийнхээ зөвлөсний дагуу олон хүний талархлыг хүлээж авч дотроо уйлмаар санагдсан үедээ ч гэсэн инээмсэглэх ёстойгоо байнга санадаг гэнэ. Т.Батцэцэг одоогоор найз залуугүй бөгөөд гэр бүл зохиоход тэгтлээ яардаггүй гэсэн.

Тэрээр фитнесээр хичээллэхийн ач тусыг сайн мэддэг болохоор ямар ч ажилтай байсан аль болох цаг гаргаад өдөр бүр явахыг хичээдэг аж. Гэхдээ заримдаа яаж ч хойшлуулж боломгүй чухал ажилтай үедээ алгасчихдаг байна. Фитнест хоёр цаг орчим хичээллэдэг болохоор бэлтгэлийн дундуур бид явахаар болов. “Миний ажил дуусахыг хүлээнэ гэвэл гэгээ тасрах байх аа” гэсээр заалнаас гаргаж өглөө. Бас “Эндхийн бэлтгэлээ дуусгаад шууд Эрдэнэт рүү явна. Тэнд “JCI”-ынхантайгаа сагсны тэмцээнд оролцох юм” гэсээр үлдэв.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Лигийн түүхэнд хамгийн олон түрүүлсэн баг

Хагас жил үргэлжилсэн үндэсний супер лигийн тэм­цээн өнгөрөгч бямба гаригт өндөрлөсөн. Лиг дуусахад сагсан бөмбөг сонирхогчид “Энэ жилийн арван нэгэн баг тун ширүүн өрсөлдсөн. Ер нь хэн нь ч аварга болж мэдэхээр эн тэнцүү тоглолоо. Энэ нь Монголд сагсан бөмбөг одоо л зөв замаар хөгжиж байгааг илтгэж байна” хэмээн дүгнэж байв. Хүрэл медалийн төлөө “SBL Хасын хүлгүүд” баг “Увс Эрдэнэдрийлинг Ригс” багтай таарч Хасын хүлгүүдийн хож­лоор дууссан. Харин аваргын төлөө “Дундговь Альянс Тех Харцага” баг “Дорнод Танан гарьд”-тай тоглож Харцагууд тав дахь удаагаа лигийн аваргаар шалгарсан юм. Лигийн түүхэнд хамгийн олон удаа түрүүлж байгаа “Дундговь Альянс Тех Харцага” багийнхантай уулзлаа.

Б.МӨНХБОЛОР: МАНАЙ БАГИЙНХАН ӨНӨӨДӨР ДУНДГОВЬ АЙМГИЙН ХҮҮХЭД, ЗАЛУУСТАЙ УУЛЗАНА

Тус багийг “Альянс Тех”, “Дундговь Мөнхболор” сан хамтдаа санхүүжүүлсэн юм. “Дундговь Мөнхболор” сангийн тэргүүн Б.Мөнхболор­той уулзлаа.

-Харцагын хоёр ивээн тэтгэгчийн нэг нь “Дундговь Мөнхболор” сан. Ямар үйл ажиллагаа явуулдаг вэ. Мөн Харцага багтай хэзээнээс хамтарч ажиллаж байна вэ?

-Манай сан Дундговь аймагт үйл ажиллагаагаа явуул­даг. Боловсрол, эрүүл мэнд, урлаг, спорт, бай­галь орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Сангаа 2008 онд байгуулж байлаа. Хөрөнгийн эх үүсвэр нь миний хувийн бизнесээс эхтэй. Бас залуусыг дэмждэг найз нөхдийн минь дэмжлэг бий. Харцага багтайгаа өнгөр­сөн есдүгээр сараас буюу лигийн улирал эхлэхийн өмнө холбогдож хамтран ажил­ласан. Би бага байхын сагсан бөмбөг тоглодог бай­лаа. Долдугаар ангид байх­даа өсвөрийн улсын авар­га шалгаруулах тэмцээнд оролцон хүрэл медаль авч байсан. Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос маш сайн менежмент явуулж багуудыг чанаржуулж байгаа болохоор дэмжиж оролцлоо. Дээрээс нь манай Дундговь аймгийн иргэд манай багийг сэтгэл зүрхээрээ маш их дэмжсэн. Маргааш (өнөөдөр) бид Дундговь руу явна. Аймгийн удирдлагууд манай багийнхныг урьсан. Тэнд очоод хүүхэд, залууст сагсан бөмбөгийн спортыг сурталчлах юм. Тамирчид маань үзүүлэх тоглолт хийнэ. Бас аймгийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр болсон.

-Өнгөрсөн лигийн ули­ралд танай сангийн зүгээс багаа хэдэн төгрөгөөр санхүүжүүлэв?

-Ерөнхийдөө манай багийн хувьд өнгөрсөн лигийн улиралд 240 гаруй сая төгрөг зарцуулсан. Энэ мөнгийг ма­най сан “Альянс Тех” ХХК-тай хамтран гаргасан. Бид хахаж цацсан мөнгөтэй биш. Гэлээ ч чадлынхаа хэрээр залуусыгаа дэмжих хэрэгтэй. Энэ дэмжлэгийн үр дүнгээр манай улсын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан олон улсад амжилт гаргах байх.

-Дээрх мөнгө голдуу тамирчдын цалинд зарцуу­лаг­дах уу?

-Легионер тамирчин авчра­хад ихэнх мөнгө явчихдаг. Браун гээд NBA-д тоглож байсан тамирчин авчирсан. Гэтэл Монголд ирээд удаагүй байхдаа эрүүгээ хугалчихсан. Тэрний эмчилгээний зардал, гадаад тамирчдын байр, хоол, замын зардал гэсээр ихэнх мөнгө нь явчихдаг. Бас манай баг лигийн эхний тойрогт гадаадаас дасгалжуулагч авчирсан. Тэр бүхэнд маш их хөрөнгө хаясан.

-Легионерууд дунджаар хэдэн төгрөгийн цалинтай вэ. Бас монгол тамирчдыгаа яаж үнэлдэг вэ?

-Монгол тамирчдын хувьд харилцан адилгүй цалин авч байгаа. Ихэнх багийн тамирчдын дундаж цалин сая гаруй төгрөг байх. Манай багийн Г.Баттөр, Б.Одбаяр нар гадаадад сурч байгаад тэмцээний дундуур ирсэн. Тэгэхээр аль болох боломжийн цалин өгөхийг хичээсэн. Ер нь манай зарим тамирчид легионеруудтай ижил хэмжээний цалин авч байгаа. Легионерууд бол сар бүр 2500-4000 ам.долларын цалинтай. Хамгийн гол нь тамирчдыгаа үнэлдэг, тамир­чид маань өөрсдийн ур чад­вараа үнэлүүлдэг байх ёстой.

А.АЛТАН-ОЧИР: МАНАЙ БАГИЙН ДОТООД УУР АМЬСГАЛ, ЭВ НЭГДЭЛ БИДНИЙГ ЯЛАЛТАД ХҮРГЭСЭН

“Дундговь Альянс Тех Харцага” багийн ерөнхий дасгалжуулагч А.Алтан-Очиртой уулзлаа. Тэрээр өнөө жил 26 настай.

-Тан шиг залуу дасгалжуу­лагчтай баг лигт байхгүй. Гэхдээ л багаа түрүүлүүлж чадлаа шүү.

-Багийнхандаа л их баяр­лаж байна. Бас “Альянс Тех”-ийн Баясгалан захирал, “Дундговь Мөнхболор” сангийн тэр­гүүн Б.Мөнхболор хоёр болон компанийн хамт олонд маш их баярлаж байгаа. Бас туслах дасгалжуулагч Ганхөлөг ахдаа талархаж байна. Миний хувьд лигийн тэмцээн эхлэх үед ерөнхий дасгалжуулагчаар ажилласан. Эхний тойрогт лигийг тэргүүлж бай­лаа. Харин хоёрдугаар тойрог эхлэх үед гаднаас дасгалжуулагч авчирснаар нэг хэсэг хүнд байдалд орсон. Гаднаас дасгалжуулагч авч­рах саналыг би өөрөө багийн эзэддээ тавьсан юм. Би залуу хүн учраас гадны мэргэжилтнээс сурах зүйл их байсан. Хэдийгээр тэр үед гадаад дасгалжуулагчийн цоо шинэ системээр ажиллаад олон удаа дараалж хожигдсон ч гэлээ бидэнд сурсан зүйл их бий.

-Легионер болон монгол тамирчидтай нэгэн зэрэг ажиллах ямар байдаг вэ. Тэр олон эрчүүдийг зангид­сан гар мэт нэгэн цул байлгана гэдэг тийм ч амар биш байх?

-Легионер, монгол тамир­чинтай зэрэг ажиллана гэдэг цэвэр дасгалжуулагчийн арга барилтай холбоотой. Гэхдээ нэг үеэ бодвол манай­хан легионеруудтай ажиллаад сурчихлаа. Харин олон эрчүүдийг нэгтгэх бас тийм ч амар зүйл биш ээ. Ялангуяа залуу хүний хувьд тийм амархан хийх зүйл биш. Манай багийн зарим тамирчин надаас ах. Гэсэн ч дасгалжуулагч гэдэг утгаар манайхан бүгдээрээ надад хүндэтгэлтэй ханддаг. Дээрээс нь залуу дасгалжуулагчтай байна гэдэг багийн дотоод уур амьсгалыг сайжруулдаг байж болох юм. Би багаа бусадтай харьцуулбал коллектив сайтай гэж хэлнэ. Дотоод уур амьсгал сайтай нь биднийг ялалтад хүргэсэн гэж бодож байгаа. Бас хамгаалалтын тал дээр үнэхээр хүчирхэг.

-2014-2015 оны лигийн тэмцээн дуусчихлаа. Дараа­гийн лиг эхэлтэл тамирчид юу хийдэг юм бэ?

-Тамирчид маань нас насны шигшээ багт хувааг­даад явчихдаг. Тэнд хуваа­рилагдаад бэлтгэл сургуулилт хийн тэмцээн уралдаанд оролцоод явчихдаг. Хамгийн гол үе бол зун шүү дээ. Тэмцээнгүй ч гэлээ тамирчид биеэ бэлддэг. Жин багатай нь жингээ нэмэх, залалт тааруу бол сайжруулах, шидэлтээ улам сайжруулах гээд ид бэлтгэлийн үе одоо л эхэлж байна. Харин лиг эхлэхээс хоёр сарын өмнөөс эхлэн эрчимжүүлсэн бэлтгэл эхэлдэг юм. Хараад байхад Монголын сагсан бөмбөг хөгжлийнхөө шат руу орчихлоо. Азид бол гараад ирчихлээ шүү дээ. Ер нь тамирчид маань биеийн хөгжил, ур чадвар, техникээрээ гадныхнаас дутахааргүй болчихсон. Одоо гол асуудал нурууны өндөрт л байгаа. Гэхдээ энийг шийдэж болно.

-Яаж?

-Өндөр нуруутай, төвийн легионер тоглогчийг иргэнээ болгоод авч болно. Манайд тоглож байсан Вүүдс, Лавсон зэрэг легионерууд маань Монголын иргэн болъё гэсэн хүсэлтээ гаргаж байлаа. Ер нь гадны тамирчид манай улсын иргэн болох хүсэлтээ илэрхийлдэг.

-Тэгвэл яагаад одоо болтол Монголын иргэн болсон легионер байхгүй байгаа юм бэ?

-Яг үнэндээ бид нэгэнт л Монгол Улсын иргэн болгож авах гэж байгаа бол маш өндөр зэрэглэлийн тамирчид авмаар байна. Ид өсөж яваа залуу тамирчин байх хэрэгтэй. Олон жил Монголын шигшээд тоглох өндөр ур чадвартай тамирчин хайж байгаа гэсэн үг.

П.БОЛОРТУЛГА: МАНАЙХ ХАМГААЛАЛТ САЙТАЙ

Тус багийн ахлагч П.Болортулгатай уулзав.

-Лигийн хоёрдугаар тойрогт танай баг зургаа дараалж хожигдсон. Тэр үед плэй офф-т шалгарч чадахгүй нь л гэж бодож байлаа шүү?

-Тийм хүнд үе байсан. Манай баг өнгөрсөн жилийн мөнгөн медалийн эзэн. Тэр утгаараа плэй офф-т гарч ирэхгүй бол хэцүү шүү дээ. Тиймээс сэтгэл санааны хувьд ч тэр хүнд байлаа. Олон дараалсан хожигдол гадаад дасгалжуулагчтай холбоотой байх. Яахав тэмцээн эхлэхээс өмнө ирээд бэлтгэл хийсэн бол бие биетэйгээ ойлголцох байсан болов уу.

-Ирэх жил танай багийн гол цөм болох Б.Одбаяр лигийн тэмцээнд тоглохгүй. Бас Г.Баттөр эзгүй байх шинжтэй. Тэгэхээр голдуу залуу тамирчидтай үлдэх гээд байна уу?

-Сая тэмцээн эхлэхийн өмнө манай хоёр хоёулаа эзгүй байсан шүү дээ. Тиймээс байгаа залуустайгаа тоглоно гэсэн бодолтой, бэлтгэлтэй байсан. Арав гаруй залуучууд байгаа шүү дээ. Тэгэхээр нөөц байгаа гэсэн үг. Б.Одбаяр, Г.Баттөр хоёр маань хэрэгтэй үедээ багтайгаа нийлж ялал­тад хүргэсэн. Харин дараа дараагийн лигийн тэмцээнд тоглох шижигнэсэн залуус бий. Ер нь манай баг багийн тоглолт сайтай.

-Бас хамгаалалт сайтай, давж гарахад хэцүү гэдэг?

-Хамгаалалт бол үнэхээр сайн. Тэр бол манай багт суучихсан, багийн үнэт зүйл. Гэхдээ манай ихэнх тоглогчид хувийн хамгаалалт сайтай. Ерөнхийдөө багууд маань өөрсдийн гэсэн давуу талтай байдаг.

-Ер нь өнгөрсөн улиралд танай багт олон онцлог бай­сан юм шиг байна. Жишээлбэл, хамгийн олон залуу тоглогчтой нь Харцага байлаа?

-Гурван залуу тоглогч бай­сан. Угаасаа багууд хойч үеэ бэлдэж явах ёстой. Шинээр орж байгаа залуучууд маань дөрөв, таван жилийн дараа гараад л ирнэ. Ах нар байж бай гээд л пижигнүүлнэ дээ. Манайд тоглож байгаа хоёр Дөлгөөн, Мишээл гурав бол сурагчийн ширээнээсээ орж ирсэн хүүхдүүд. Одоо ямар сайн тоглож байгааг харж байгаа байх.

-Танай багийн нандин зүйл юу байдаг вэ?

-Дотоод уур амьсгал сайтай гэж хэлнэ. Нэг цөм болж чадсан. Арван хэдэн залууг атгасан гар шиг цул болгож чадсан нь манай хоёр дас­галжуулагчтай холбоотой.

-Талбайд тоглож байхад үзэгчдийн зүгээс орилох сонсогддог уу. Хөөе дамжуул, шидээч гээд янз бүрээр л хашхирдаг даа?

-Сонсогдоно шүү. Гэхдээ айхтар ач холбогдол өгөөд байхгүй. Фанатууд маань аль болох сайн тоглоосой гэж хүсдэг болохоор зарим­даа хэрэгтэй зөвлөгөө ч өгнө. Гэхдээ ер нь хөгжөөн дэмжигчдийн уухай сэтгэл зүйд их нөлөөлдөг юм. Ма­най багийн фанатууд маш мундаг. Тэмцээн болох үед нэг газар цуглаад цуваа болж явах жишээтэй. Сая бид аварга болсныхоо дараа фанатуудтайгаа нэг оройг өнгөрөөсөн. Фанатууд маань бид нартай аваргын цомоо барьж зургаа авахуулаад, ярилцаад нэг оройг дурсамж дүүрэн өнгөрөөсөн.

-Легионер тамирчдыг анх ирж байхад хамт тоглохдоо сүрддэг байв уу?

-Легионерууд 2011 оноос эхэлж ирсэн шүү дээ. Тэр үед бас жаахан биеэ барьсан маягтай тоглодог байлаа. Одоо бол ямар ч асуудалгүй. Яг л ижилхэн түвшинд үзэж байгаа. Легионерууд ирснээр тамирчдын ур чадвар хурдтай өссөн гэж боддог.

С.АЛТАНЦЭЦЭГ