Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн хувцас загварыг тодорхойлогч Милан хот

Түрүүч нь ¹ 143(5095), 144(5096), 146(5098), 150(5102) дугаарт

Италийн Милан хот дэлхийн хувцас загварын чиг хандлагыг тодорхойлогч гэдгээрээ алдартай. Гудамжаар хөлхөх хүмүүсийн хувцаслалт манайхнаас онцгойрч ялгарахааргүй мөртлөө ийн нэрлэгдэх болсон нь Монтенаполеоне гудамжтай холбоотой. Энэ гудамжинд дэлгүүрээ нээгээгүй бол өөрсдийгөө брэнд үйлдвэрлэдэг гэж яриад ч хэрэггүй хэмээн “томчууд” шивнэлддэг гэсэн. Хүссэн болгон дэлгүүрээ нээж чаддаггүй нь “Ла Галерей” гэх дэлгүүрийн байшинтай холбоотой. Зуу гаруй жилийн настай энэхүү байшинд дэлгүүр нээх талбай олно гэдэг тийм ч амар зүйл биш гэсэн. Өнгөрсөн жил л гэхэд “Burberry” брэнд “Ла Галерей” доторх хоёр дахь салбарынхаа талбайг зарах гэж хувцас загварынхныг хооронд нь “дайтуулжээ”. Тус дэлгүүрт бараг хорин жилийн дараа ийн талбайгаа зарах брэнд гарч ирснээс үүдэн “Манго”-гийн боссууд Италийн үндэсний үйлдвэрлэгч брэндтэй шүүхдэлцэх дээрээ тулж байсан гэнэ. “Тулаанд” Манго ялж өдгөө дэлгүүрийн нэгдүгээр давхарт салбараа нээжээ. Энэ хавиас хувцас худалдаж авахгүй бол эмэгтэй хүний заяа гомдох байлгүй гэсээр хэд хэдэн дэлгүүрээр оров. Дэлхийн оддын хэрэглэдэг брэндүүд тэгтлээ үнэрхээд байдаггүй бололтой. Монголдоо бол тэнгэрт хадсан үнээс нь халгаад орж чаддаггүй брэндийн хувцаснууд хямдарсан үедээ 50 евро хүрэх нь ч бий. Дуртай дэлгүүрээсээ сонирхсон өмдийг 100 еврод багтаагаад авчих нь урамтай байлаа. “Ла Галлерей”-г Миланд ирсэн хүн бүр сонирхоно. Худалдаа наймаа хийдэггүй юмаа гэхэд музей шиг тохижилттой дэлгүүрийн гоё сайхныг бахдахаар орж ирдэг. Эгээ л хааны ордон руу ороод ирэв үү гэмээр өндөр тааз, ханан дээгүүрх уран баримал, алдарт зураачдын бүтээлийг эндээс харж болохоор байв. Дэлгүүр бүрийн хооронд жижигхэн сахиусан тэнгэрийн баримал тавьжээ. Харин хоёрдугаар давхарт нь “Georgio Armani”, “Louis Vuitton”, “Dior”-ын эзэд амьдардаг гэсэн. Бас алдарт загвар өмсөгч Миранда Керр, дуучин Риана тэргүүтэй оддынх байдаг ажээ. Улс гүрэн дамжин явсаар хааяахан эндхийн байрандаа ирэхэд нь Италийн төдийгүй алдартай сонин, сэтгүүлийнхэн шавчихдаг гэнэ. Оддыг гэртээ орох, гарахад нь зураг авчих санаатай эргэлдэх хэвлэлийнхэн хотын төвийн амьдралыг хэд хоногтоо л бужигнуулчихдаг юм байна.

Хотын төв талбайд алдарт Миланы сүм бий. Миланы зүрхэн хэсэг болсон сүмийн барилгыг XVI зуунд барьж эхэлжээ. Дэлхийд алдаршсан нь барилгыг 600 жилийн турш барьж буйтай холбоотой юм. Одоог хүртэл сүмийн засварын ажил дуусаагүй байгаа гэсэн. Гадна талын нүүрэн хэсгийг өндөр төмрөөр сараалжлан тусгаарлаж байгаад засвар хийж байсан. Католик шашны сүм рүү биеийн аль нэг хэсгээ ил гаргаагүй хувцастай хүн бүр орж болно. Үүдээр нь буу барьсан цэргүүд, хар хослолтой хамгаалагч нар хамгаалалтад гарчээ. Орж буй хүмүүсийг нэг эгнээгээр эмх цэгцтэй оруулах бөгөөд мэргэжлийн камераар бичлэг хийх, зураг авахыг хоригложээ. Дотор бас л засварын ажил явагдаж байв. Нарийхан үзүүртэй багаж барьсан бүсгүй хананы ирмэг, булан тохойг засаж байна. Чулууны хэлтэрхий бүрийг нүдний цөцгий мэтээр болгоомжлон хэт нарийн хэмжээсээр янзлах ажээ. Сүмийн гол хэсэгт урт урт модон сандлууд тавьсан байх бөгөөд италичууд залбиран суух ажээ. Дотроо сайн сайхныг мөрөөдөв бололтой нүдээ анин хэсэг сууж байгаад бурхан руугаа харан “Амен” хэмээн адислаж байв. Кинон дээр гардаг шиг бурхны ойролцоо харанхуй өрөөнд суугаад санваартантай ярих өрөө байдаг болов уу, тэнд орж юм яривал яах бол гэсээр хайгаад үзвэл баруун хаалганы дэргэд тийм өрөө байна. Хоёр талаасаа ордог хаалгатай, жижигхэн өрөөний дундуур торон хаалт байх бөгөөд түшлэгтэй модон сандал харагдав. Гэхдээ санваартан, нүглээ наминчилж байгаа сүсэгтэн хоёрын аль, аль нь байсангүй.

Готик загвартай, цагаан гантиган сүмийн барилга хамгийн олон архитектур, уран барималчийн гар дамжсан гэдгээрээ дэлхийн уран барилгын түүхэнд бичигддэг юм билээ. Олон урчуудын гар дамжихын зэрэгцээ нэрт математикч Габриэль Сторналоко Миланд урилгаар очиж сүмийн барилгын тооцооллыг гаргасан гэдэг. 158.5 метрийн урттай, 92 метрийн өргөнтэй, 108 метрийн өндөртэй энэхүү сүмд нэг дор 40 мянган хүн багтана гэж байлаа.

Төв талбайд явж байхад өнгөт арьстай хүмүүс бүчиж аваад өнгө өнгийн нарийхан утас бугуйнд зүүж өгөх гээд хүрээд ирэх юм. Хайр дурлалтай учруулна, эд баялаг дуудна гэж тайлбарлаж байв. Тэднээс зугтах гэж хоёр гараа ардаа нуугаад тойрч гүйсэн ч дагаад салах янзгүй. Бүр энийг чамд үнэгүй зүүж өгье гэсээр нэгийг зүүхдээ өөрийг хамт зангидчихав. Ингээд 15 евро нэхээд явуулдаггүй. Хаа газар байх жуулчдын ангууч гэмээр тэднээс хурдан салахыг хүсээд таван евро өгсөн. Сүүлд сонсох нь ээ, тэдний гарыг цайлгаж хэд ч хамаагүй евро өгөхгүй бол яаж ийж байгаад цүнх савыг нь хулгайлах, бичиг баримтыг нь дээрэмдэх зэргээр төвөг учруулдаг гэсэн.

Милан хотыг италиар “Милано” буюу “төв хот” гэдэг. Италийн хоёр дахь том хот бөгөөд Ломбарди мужийн нийслэл гэж явдаг. МЭӨ V зуунаас эхлэн маш олон удаагийн эзлэн түрэмгийлэлд өртөж байсан бөгөөд 1162 онд том тулаан болсноос хойш тогтворжжээ. XVIII зуун гэхэд Миланд дуурийн урлаг хөгжиж эхэлснээр дэлхийн алдартнууд болох Моцарт, Верди нарын эрхмүүд цуглах болсон байна. 1796 онд Милан хотыг Наполеон булаан авч Италийн нийслэл болгожээ. Удалгүй Австрийн эзэн хааны гарт орсон ч 1859 онд Итали улс нэгдэхэд хоёр дахь том хот болж хөгжсөн гэдэг. Гэвч улс төрийн болон эдийн засгийн гол шийдвэрүүдийг Милан хотоос гаргадаг гэсэн. Өдгөө Милан хот улсынхаа аялал жуулчлалын орлогыг тэргүүлж байгаа юм байна.

Милан хотын бас нэгэн бахархал нь үндэсний хөлбөмбөгийн лигийн “АС Милан”, “Интер Милан” багууд. Хотын төвөөс автомашинаар арав гаруй минут яваад “Сан Сиро” цэнгэлдэх хүрээлэнд ирлээ. Хөлбөмбөгийн тоглолтгүй ч гэлээ дотогш орж цэнгэлдэх хүрээлэнтэй танилцаж болдог юм байна. “Сан Сиро”-гийн музейг үзэх, тамирчдын хувцас солих өрөөгөөр ороход 20 евро төлөв. “АС Милан”-ы тамирчдын хувцас солих өрөөнд багийн үндсэн өнгө болох хар, улаан зонхилж байлаа. Өрөөг тойруулаад багийн гишүүдийн тоогоор савхин бүрээстэй сандал байрлуулжээ. Дунд нь “ACM 1899” гэсэн бичигтэй жижигхэн ширээ байв. Цаана нь тамирчдын хувцасны шүүгээтэй усанд орох газар бий гэсэн. Хөлбөмбөгчид тоглолт эхлэхийн өмнө багийн хурлаа хийхийн зэрэгцээ завсарлагаанаар энд орж ирж амардаг ажээ. Өрөөнөөс гараад нарийхан урт хонгилоор явсаар цэнгэлдэх хүрээлэн рүү орлоо. 1926 онд албан ёсны нээлтээ хийсэн, 80018 хүний суудалтай энэхүү талбайг Милан хотын захиргаа эзэмшдэг ажээ. Харин “АС Милан” баг 1926 оноос, “Интер Милан” баг 1947 оноос хойш хамтдаа өнөөдрийг хүртэл түрээсэлж байгаа юм. Миланд ганцхан байх энэхүү цэнгэлдэх хүрээлэнг анх байгуулахдаа 85700 хүний суудалтай барьж байсан ч 1990 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулан томоохон засвар хийжээ. Энэ үеэр ОУХХ-ны шинэ дүрэмд нийцүүлэн 5682 үзэгчийн суудлыг хасаж 80018 болгосон гэнэ. Италийн үндэсний лигийн шилдэг багууд талбайг хамтран эзэмшихдээ “АС Милан” нь эзэн багаар тогловол цэнгэлдэхээ “Сан Сиро” гэж нэрлээд “Интер Милан” нь “Стадио Гиүсэппэ Мизза” гэдэг юм байна. Тэгэхээр үндсэндээ нэг цэнгэлдэх хүрээлэнд хоёр өөр нэр өгч байгаад тоглодог ажээ. Гэхдээ дэлхий нийт энэхүү цэнгэлдэх хүрээлэнг түрүүлж байгуулагдсан “АС Милан”-ы нэрээр буюу Сан Сиро гэдгээр сайн мэднэ.

“АС Милан” баг 1899 оны арванхоёрдугаар сарын 16-нд байгуулагдсан түүхтэй. Европын аваргуудын лигийн долоон удаагийн аварга, Европын цомтой багуудын хошой цомын эзэн, Италийн 18 удаагийн аварга, Италийн цомын таван удаагийн эзэн гэхчлэн олон жилийн түүхтэй. Харин “Интер Милан” баг 1908 онд байгуулагдсан. 2009-2010 оны улиралд Италийн аваргаар 15 удаа шалгарснаар улсынхаа хөлбөмбөгийн түүхэнд бичигдэж байжээ. Бас Европын болон дэлхийн цомд аваргалж байсан бөгөөд дотоодын 29, лигийн 18, улсынхаа зургаан удаагийн цомыг хүртэж байсан түүхтэй. Цэнгэлдэх хүрээлэнгийн музейд Италийн домогт хөлбөмбөгчдийн зураг болон лааны тосон баримлыг байрлуулсан байв. Паоло Малдини, Авиер Занетти зэрэг хөлбөмбөгийн түүхэнд домог болон бичигдэх тамирчдын өмсөж байсан гутал, хувцас, түүхэн дурсгалт гэрэл зургуудыг байрлуулжээ.

Милан хот зайрмагаараа алдартай юм байна. Гудамжинд нь тав алхаад л зайрмаг зарж буй мухлаг таарч байлаа. 3-10 еврогийн үнэтэй зайрмагууд төрөл бүрийн жимснийх байв. Жимсийг тэр чигт нь хөлдөөчихөө юу гэмээр гоё амттай болохоор хэдийг ч идсэн уйдахааргүй ажээ. Тав зургаан төрлийг авч идсээр Миланаас хөдлөх болов. Уг нь хонохоор төлөвлөөд байсан ч хотоос 92 км-ийн зайтай хямдралтай барааны төвд очихоор яаран хөдөллөө. Европын хамгийн том аутлет дэлгүүр байх тосгоныг “Серравелли” гэдэг юм байна. Энд 180 брэндийн дэлгүүр бий. Гэхдээ брэнд гэсэн болгон энд байхгүй. Жишээлбэл “Zara”, “H&M”, “Polo” зэрэг хямд үнэтэй, дэлхийд хамгийн олон салбартай дэлгүүрийг хүлээн зөвшөөрдөггүй юм байна. Аль үнэтэй, чанартай болгон байх хэдий ч бусад дэлгүүрийнхээ үнээс 30-70 хувийн хямдралтай байдаг гэдгээрээ ялгардаг. Жилийн дөрвөн улиралд өдөр бүр хямдарч байдаг болохоор Европ тивийн­хэн “Серравелли”-гээс хувцасладаг гэсэн. Дэлгүү­рийн гадаа очиход хүний хөл хөдөлгөөн багатай байв. Орж байгаа хүмүүст аутлетсийн газрын зургийг өгөх юм. Газрын зураг дээр хаана, ямар брэндийн дэлгүүр байгааг хайж олоод хүссэнээ авах боломжтой ажээ. Мөн эндхийн ихэнх дэлгүүр татваргүй. 150 еврогоос дээш худалдан авалт хийхээр барааны бичиг өгнө. Түүнийгээ ашиглан Францын хилээр гарахдаа татварт өгсөн мөнгөө буцаан авах боломжтой. Зарим дэлгүүрүүд нь Шенгений орныг орхин гарах үедээ нисэх онгоцны буудлаас мөнгөө буцааж авахыг сануулж байв.

Үргэлжлэл бий>>

Categories
мэдээ нийгэм

Өгий нуурт загасчлах улирал эхэллээ

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглосон байдаг. Хэрэв загас түрсээ шахаж байх үеэр агнавал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц мөнгөн дүнгээр торгох учиртай. Өнгөрсөн даваа гаригт хорио тавиг­даж загасчдын магнай тэнийлээ. Ангийн улирлын нээлтээ хэрхэн хийж буйг сурвалжлахаар Архангайн Өгий нуурыг зорив. Бусад гол, мөрнүүдийг бодвол зам сайтай болохоор загасчид Өгий нуур руу явах нь элбэг. Гэхдээ нуураас загас барих нь голыг бодвол амар учраас хялбар анд дуртай хүмүүс голдуу ирдэг ажээ. Өгий нуур руу Булганы Дашинчилэнгээр дайрч явах бөгөөд 317 дахь км-ээр зүүн эргээд орчихно. Булган, Архангайн нутгаар зуншлага тааруу, гандуухан маягтай байсан. Нуурын эрэг дээр очиход зүлэг нь ногоорч урин цагийн сайхныг гайхуулж байв. Жуулчны баазууд ангийн улирал эхэлж буйтай холбогдуулаад үйл ажиллагаагаа жигдрүүлчихэж. Энд дөрвөн жуулчны бааз ажилладаг юм байна. Зургадугаар сарын эхээр гэр барьж, зочдоо хүлээж авч эхлээд наймдугаар сарын 20-доор буудаг гэнэ. Нуурын зүүн эрэгт байх жуулчны баазууд гэрийнхээ орыг хоногийн 25 мянгаар үнэлжээ.

Дотроо таван ортой гэр 125 мянган төгрөг гэсэн үг. Ганцхан орон дээр нь унтвал 25 мянган төгрөг төлөхөд болно. Харин жуулчны баазын ойролцоо нутгийн айлууд илүү гэр бариад холоос ирсэн хүмүүсийг хүлээж авч байв. Дөрвөн ортой гэр 50 мянган төгрөг гэсэн. Шагайгаад үзвэл жуулчны баазаас дутахааргүй цэвэрхэн ажээ. Захиалгаар гурилтай шөл, цуйван хийж өгнө. Нэг хүнийх нь 5000 төгрөг гэлээ. Харин нуурын урдхан жижигхэн модон байшингууд байв. Архангай аймгийн Татварын газрынхан зундаа ирж амардаг уг байшинд хоногийн 30 мянган төгрөгөөр хонуулдаг юм байна. Дотроо бас л дөрвөн ортой юм.

Ням гаригийн үдээс хойш Өгий нууранд очиход хүн амьтны бараа ч харагдсангүй. Жуулчны баазад ажилладаг болон нуураа бараадаж амьдардаг хүмүүс л харагдана. Зуны аагим халуун өдрүүд эхэлж байгаа болохоор морь мал нуурын зах руу орж сэрүүцэх ажээ. Хүнгүй эрэг дээр сандал чирч очоод хэсэг суув. Нуурын ус өнгөрсөн жилийнхийг бодвол тув тунгалаг байлаа. Бодвол хүний хөл шавж эхлээгүй байгаа болохоор булингартаагүй байгаа биз. Гадаа 30 хэмийн халуун байсан ч нуураас сэрүү татаж байв. Ар нуруугаа наранд ээсэн шигээ усны мандлыг ширтэн суутал усны гутал өмссөн хүн хүрч ирэв. Хижээл насны тэрбээр Өгий нуурын байгаль хамгаалагч гэнэ. Нуурын эргээр явж буудаллаж буй хүмүүстэй танилцдаг ажээ. Загас барихгүй, амарч яваа бол хог хаяхгүй байхыг сануулахын зэрэгцээ усны гүн рүү орохгүй байхыг зөвлөдөг юм байна. 1980 оноос хойш Өгий нуурын усны харуул хийж буй түүнийг Д.Саруул гэдэг. Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнд харьяалагддаг, сард 500 мянган төгрөгийн цалин авдаг гэнэ. “Маргааш загас барих хорио тавигдахаар манай энэ хавиар заримдаа буудаллах газар олдохгүй шахам болтол улсууд шавдаг. Нуураа зориод холоос ирж байгаа хүмүүст зохих ёсны зөвшөөрөл өгдөг” гэв. Өгийгөөс загасчлахаар ирсэн хүмүүс 10 мянган төгрөгөөр зөвшөөрөл авдаг ажээ. Түүгээрээ гурав хоногийн турш загас барих боломжтой. Сүүлийн үед ирж буй залуусыг анзаараад байхад бид л зөвшөөрлөө авсан гэсэн шиг нуурын загасыг учир зүггүй алж хядахаа байжээ. Харин ч эрэг дээр ирж хоёр хонохдоо байгалийн хишиг болгон хоёроос гурван загасаар шөл хийж идчихээд бусдынх нь зургийг аваад усанд эргүүлэн тавьдаг болжээ. Хорхойгоо дарсан хойноо өөрсдийнхөө төдийгүй бусдын үлдээгээд явсан хавийн хогийг түүгээд хот руу аваад явдаг болсон гэнэ. Ингэж орчин тойрныхоо хогийг түүж байгаа залуусын ихэнх нь олон жил загасчилж байгаа, эсвэл загасчлах спорт клубийн гишүүд байдаг гэсэн. Байгаль орчинд хайртай иймэрхүү залуусын буянаар байгаль хамгаалагчдын ажил хөнгөрөх болжээ. Нуурын эрэг дээр загасчлахаар ирсэн хүмүүс дээр очоод зөвшөөрөл ав гэхээр цааргалдаггүй гэнэ. Ганц нэг хулгайн анчид байдаг ч ихэнх хүмүүс хаанаас, яаж зөвшөөрөл авахаа мэдэхгүй байдаг ажээ. Д.Саруул гуай “Байнга ирж загасчилдаг хүмүүс намайг андахгүй дээ. Өгий нуурын Саруул гэж ааштай өвгөн бий гэж ярьдаг байх. Анх удаа ирж байгаа хүмүүс загас барих зөвшөөрлийг хэнээс авахаа мэддэггүй. Түүнээс биш залуусын ухамсар бидний үеийнхээс тэс өөр болсон. Хогоо аваад яваарай гэхэд хамаад л аваад явна” гэв.

Түүнтэй хэсэг хөөрөлдлөө.

-Нуурын усны түвшин ямархуу байгаа вэ?

-Сүүлийн хоёр жилд усны түвшин нэмэгдэж байгаа. Хур бороо ихтэй жил усны түвшин ерөнхийдөө нэмэгддэг. Энэ жилийн тухайд тавдугаар сард гайгүйхэн устай хоёр ч бороо орлоо. Бусад үед бага зэргийн шиврээ бороо орж л байна. Хангай дэлхий хураа харамгүй хайрлаж байгаа.

-Нуурын дундаж гүн хэдэн метр байдаг юм бэ?

-Дундаж нь 15.7 метр. Гэхдээ энэ тоо хоёр жилийн өмнөх мэдээ. Тэрнээс хойш багажгүй болохоор гүнийг нь хэмжээгүй байгаа.

-Нэг хэсэг Өгий нуурын загасыг хэдэн солонгос шүүрдээд дуусах нь гэсэн яриа гарч байсан?

-Хүмүүс тэгж ярьдаг л юм. Би нүдээр харж, таарч байсангүй. Хулгайн анчид мэр сэр байдаг ч гэлээ нууранд тор тавиад тонн, тонноор нь шүүрдээд байгаа зүйл байхгүй. Намайг анх ажилд орж байх үед буюу 1980 онд Мах комбинатынхан их ирдэг байсан. Жил бүрийн зун ирээд 60, 70 тонн загас бэлтгэдэг байлаа. Консерв хийдэг байсан юмуу мэдэхгүй юм. Тухайн үед харьяа яамнаас зөвшөөрөл аваад улсад 12 мянган төгрөг тушаадаг байсан. Тэд ардчилсан нийгэмд шилжсэн цагаас хойш ирэхээ байсан. Гэхдээ тэр үед нуурын загас багасаад сүйд болсон зүйл байхгүй.

-Жилд агнаж болох загасны тоо байдаг уу?

-Мах комбинатынхан ирэхээ больсноос хойш загас ихдээд нуур нэг хэсэгтээ л өтгөрсөн. Тэр үед холбогдох мэргэжилтэнгүүд ирж судал­гааны ажил хийж байсан юм. Уг ажлаараа Өгий нуураас нэг жилд 30 тонн загас барьж болно гэдгийг тогтоосон. Одоо хүртэл үүнийг мөрдөж байгаа. Уг нь ойрын нэг, хоёр жилд дахин судалгаа хийн нөөцийг тогтоолгомоор байгаа юм.

-Энд танаас өөр байгаль хамгаалагч бий юу?

-Нуурын ар талд Чимэд­рэгзэн гэж байгаль хамгаалагч бий. Сумын төв дээр Батсайхан гэж залуу байна. Бид гурав хамжаад нуураа хамгаалж байна даа. Гэхдээ амрахаар ирсэн хүмүүсийн тус нэмэр байдаг. Жишээлбэл, ухамсартай нэг нь орчин тойрныхоо хогийг цэмбийтэл цэвэрлэчихдэг. Цэвэрхэн болсон газар дахин хог тариулахгүйн төлөө дараагийн хүмүүстэй нь очиж уулзах хэрэгтэй болдог. Уг нь нуурын эрэг дээр ирээд хог хаядаг хүн цөөхөн. Архидан согтуурч байгаа хүмүүс л юу байдгаа үлдээгээд явдаг хэмээн хөөрөлдлөө.

Загас барих хорио тавигд­санаас хойш Өгий нуураас хүн тасардаггүй гэнэ. Өдөржин хүнгүй шахам байсан эрэгт нар жаргах үеэс машинтай хүмүүс давхиж эхлэв. Аялаад сурчихсан бололтой аль хэдийнэ майхан саваа бариад тухалж байна. Яваад очтол Эрдэнэтийн хэсэг залуус ирчихэж. Загасны хорио тавигдахыг хоног тоолон хүлээжээ. “Бидний баярын өдөр шүү дээ. Жил бүрийн загасчлах улирлын нээлт, хаалтыг өөр өөр газар хийхийг зорьдог. Энэ жилийнхээ нээлтийг Өгийд хийхээр ирлээ. Хангай дэлхийн хишгийг хүртэж ганзагаа мялаана” гэв. Тэд амралтын өдөр Сэлэнгэ рүү загасчилдаг ажээ. Өгийд ирснийх загасчдын босгосон гэгддэг Алтангэрэлийн овоонд очиж мөргөөд үүр цайхыг хүлээнэ дээ гэж байна. Залуус нуурын зүүн, баруун эрэг рүү хоёр хуваагдан дэгээ шидэхээр тохиролцов. Хоёр цагийн дотор аль баг нь хамгийн олон загас барьснаа тодруулахаар боллоо. Бас шилдэг загасчнаа шалгаруулан шинэ уурга авч өгөх тухай ярьсан. Гэхдээ олон загас барилаа гээд бүгдийг нь алахгүй, гар утсаараа зургийг нь авч баталгаажуулаад буцаан тавихаар тохиролцов.

Өгий нуур далайн түвшнээс 1337 метрийн өндөрт байрладаг, цэнгэг устай нуур. Урт нь 7.9 км, өргөн нь 5 км. Нийт 25.7 кв.км талбайтай уг нууранд 14 төрлийн загас бий. Элбэг байдаг нь улаан нүдэн. Цурхай, булуу цагаан, сазани зонхилдог. Загас барих гэж байгаа хүмүүс нуурын эрэг дээрх жуулчны баазуудаас завь түрээсэлж болох юм билээ. Дөрвөн хүний суудалтай моторт завиар нуурыг бүтэн тойрох бол 40 мянга, энгийн завины нэг цагийн түрээс 20 мянга, бүтэн өдрөөр бол 70 мянга гэсэн. Обу цув буюу комбинзон шиг ус нэвтэрдэггүй хувцас өмссөн загасчдад зориулан явган хүн алхаж болох заагийг тэмдэглэжээ. Жуулчны баазууд нуур руу орж байгаа хүмүүст зориулан эргээс цааш ямар зайд явж болох вэ гэдгийг ундааны сав ашиглан тэмдэглэгээ хийсэн байдаг гэнэ.

Загасчид нар мандахаас өмнө уургаа шиддэг болохоор үүр хаяарах үеэр бослоо. Шөнө шуураад байсан салхи намжжээ. Гадаа намуухан, дулаахан байв. Эрэг рүү хартал загасчид аль хэдийнэ гарчихаж. Өчигдөрхөн амьгүй мэт байсан нууран дээр амьдрал буцалж байна гэж хэлмээр. Бүгд уурга, дэгээгээ бариад усан дунд зогсож байна. Зарим нь завьтай гарчээ. Тэд нар мандтал загасчилж байгаад эрэг дээр гарч ирэв. Эрдэнэтээс ирсэн залуус гурван цурхай барьчихаж. Бусдыг нь усанд буцаан тавьсан гэлээ. Барьсан загасаараа шөл хийж уугаад унтана гэсэн. Загасны шөл ядаргааг тайлдаг шидтэй ажээ. Шөл болох хооронд нуурын тухай яриа өрнөв. “Хангайн хишигт шунавал байгаль эх шийтгэдэг. Өгий нуур эмэгтэй лустай болохоор жилд нэг эр хүнийг авч явдаг” гэж байна. Сүүлийн хоёр жилд л гэхэд нуурын зүүн, баруун эргээс хорь гаруй насны хоёр залуу осолдож байжээ. Өгий нуурын үүссэн домгийг байгаль хамгаалагчаар яриулсан санаанд оров. “Баян айлын бүсгүй ядуу эрд дурлахад эцэг нь тэдний хайр дурлалыг үл зөвшөөрөн залууг зүүн зүг рүү цөллөгт явуулжээ. Хайртай бүсгүйгээ орхин явахдаа “Хоёулаа манан будан болж уулзъя” гэж хэлээд явсан гэнэ. Бүсгүй дурлалт эрээ санан мэлмэртэл уйлсаар Өгий нуурыг үүсгэжээ. Харин залуу түүн рүү тэмүүлэн ирж яваад Майхан уул болсон гэдэг. Ингээд Майхан уулнаас манан татаж, нуураас будан татаж хос уулздаг болсон” гэх домогтой юм билээ. Нээрээ л нуураас холгүй майхан хэлбэрийн уул байдаг ажээ.

Categories
энтертаймент-ертөнц

Зуны халуунд яаж гоё харагдах вэ?

Энэ долоо хоногт 30 хэм хүртэл халах юм байна лээ. Зуны халуун өдрүүдэд бүсгүйчүүд гэлтгүй залуус хэрхэн гоё харагдах, энэ зуны хувцас загварт ямар өнгөтэй, ямар загварын хувцас моодонд орохыг танилцуулъя.

ОДРИ ХЭПБУРН МАЛГАЙ МООДОНД ОРЖ БАЙНА


Зуны аагим халуунд малгай өмсөх нь олон талын ач тустай. Нэгдүгээрт, нарны хэт ягаан туяанаас арьсыг тань хамгаална. Нарны тос түрхээгүй байсан ч малгайтай явбал арьс өнгөө алдах нь харьцангуй бага. Хэт халуунд малгайгүй явбал үс амархан хуурайшдаг, хугарамтгай болдог ажээ. Үүний зэрэгцээ халуун наранд малгайгүй явснаар хүзүү борлох талтай. Учир нь ихэнх хүүхнүүд нарны тосыг зөвхөн нүүрэндээ түрхдэгээс болж зуны улиралд хүзүү, нүүрний арьс хоёр өөр өнгөтэй харагдах гээд байдаг байна. Дээрхээс сэргийлж малгай өмсөхийг зөвлөе. Холливудын алдарт жүжигчин Одри Хэпбурн загварын буюу том биш мөртлөө бөөрөнхий саравчтай малгай худалдан аваарай. Хэрэв саравчтай малгай өмсөх дуртай бол богино саравчтайг сонгох хэрэгтэй.

НҮҮР БУДАЛТЫН ЧИГ ХАНДЛАГА

Сүүлийн үед нүүрэндээ гэрэл, сүүдэр тавих моод дэлгэрсэн. Зуны улиралд сүүдрээ бага, гэрлээ илүү тод тавихыг мэргэжилтнүүд сануулж байна лээ. Сүүдэр нүүрийг бараан харагдуулах хандлагатай байдаг болохоор намраас илүү тод тавьж болох юм. Харин зуны нартай өдөр сүүдрээ тод тавьж будвал өнгөлөг харагдах юм. Мэргэжлийн гоо сайханчид энэ зуны нүүр будалтыг bare face буюу огт будаагүй юм шиг байлгахыг хүсчээ. Цэвэрхэн харагдах энэхүү будалтын гол анхаарах зүйл нь теньний уусалт гэсэн. Бүдэг өнгийн тенийг маш бага хэмжээтэй тавихдаа уусалттай будаарай. Ямар ч тод өнгө байхгүй энэхүү будалт нь хүнийг натурал харагдуулдаг онцлогтой. Хэрэв үдэшлэгт явах гэж байгаа бол 1960-аад оны оддын будаж байсан “Cat eyes”-ыг санаарай. Уруулын тухайд бүсгүйчүүдийн хэзээ ч уйдаж байгаагүй час улаан өнгө ноёлсон хэвээр байх гэнэ. Харин хацар өнгөлөгчөө хэдхэн сар мартахыг зөвлөе. Учир нь зуны халуунд хацар өнгөлөгч тийм ч таатай харагдуулдаггүй. Хэрэв хацраа өнгөлөхгүй байж чадахгүй байгаа бол бүдэг ягаан өнгийг сонгоорой.

Хөмсөг гэвэл өтгөн, өргөн хөмсөг моодонд оржээ. Ийм хөмсөг бүсгүйчүүдийг илүү залуухан харагдуулдаг. Хэрэв хөмсөг багатай бол нэг халбага ургамлын тос, хоёр ширхэг нүүр цэвэрлэгч хөвөн ашиглан хөмсгөө ургуулаарай. Хөвөнгөө ургамлын тосонд дүрж хөмсгөн дээрээ хагас цаг хэртэй хугацаанд байлгаснаар ургалт нь түргэсдэг байна.

БҮСГҮЙЧҮҮД УУТАН ЦҮНХЭЭР ГАНГАРААРАЙ

Цүнх бол бүсгүйчүүдийн өдөр тутмын хэрэглээ. Энэ зун 1980-аад оны цүнхний загвар эргэн ирж байгаа гэнэ. Хайрцган хэлбэрийн цүнх зэргийг загварын мэргэжилтнүүд онцолж байгаа юм байна. Өнгөрсөн хавар “Chanel”, “Valentino”, “Louis Vuitton”, “Christian Dior” зэрэг дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч, тэргүүлэгч брэндүүд бүсгүйчүүдийн гар цүнхний чиг хандлагыг тодорхойлохоор шилдэг дизайнеруудынхаа дахин давтагдашгүй, өвөрмөц загваруудаа дэлгэн, Парис хотноо чуулжээ. Энэ үеэр хайрцаг хэлбэрийн дөрвөлжин цүнхнүүд моодонд орсон гэнэ. Бас урт түрийтэй гутал зонхилж байгаатай холбогдуулан уутан цүнхийг санал болгож байгаа юм байна. Тод өнгийн, элдэв чамин зурагтай даавуун уутан цүнх намхан өсгийтэй гуталтай хоршдог. Даавуун цүнхний тухайд гонзгойдуу хэлбэртэй байх ажээ.

УРТ ЦАГААН ДААШИНЗ БҮСГҮЙЧҮҮДИЙН ГОЁО

Цагаан, хар өнгө моодноос гарч байсан эсэхийг мэдэхгүй юм. Энэ зуны тухайд аль ч төрлийн хувцсан дээр цагаан өнгө ноёлох ажээ. Даашинзны тухайд урт, шулуун загвартай цагаан өнгийн даашинзаар гангарахыг бүсгүйчүүдэд зөвлөе. Бас цагаан суурьтай, цэцгэн хээтэй даашинз, цамц өмсөөрэй. Гэхдээ жижиг цэцгэн хээ үеэ өнгөрөөсөн гэдгийг анхаарах хэрэгтэй. Түүний оронд том цэцгэн хээтэй хувцсыг санал болгож байна. Цэцгэн хээ хүмүүсийг ерөнхийдөө махлаг харагдуулах гээд байдаг хэдий ч хувцасныхаа хэлбэр, материалыг зөв сонгож чадвал биеийн галбирыг төгс харагдуулах гэнэ. Цэцгэн хээ хүч түрэн орж ирж буйтай зэрэгцээд шатрын нүүдэл шиг том шоотой цамц трэнд болжээ. Хэрэв амралт чөлөөт цагаараа гадуур гарах гэж байгаа бол поло поп буюу захтай цамцыг дэрвэгэр хормойтой юбкатай хослуулж болох юм байна. Ингэж хослуулж өмссөнөөр залуухан харагдах ажээ. Даашинз болон цамц, зуны орой өмсөх нимгэн хүрэм дээр унжлагатай зүүлт зүүгээрэй.

ЭНЭ ЗУНЫ ГУТЛЫН ТРЭНДТЭЙ ТАНИЛЦ


Хурц тод өнгөтэй, этгээд сонин хэлбэртэй гутал энэ зун моодонд орох нь. Нарийн, шөвгөр хоншоортой гадсан өсгийтөөс илүүтэй өргөн бүдүүн өсгийтэй болон индүүн ултай гутал худалдаанд зонхилж байгаа. Хэрэв сандаал өмсөх гэж байгаа бол цулгүй биш, элдэв тоног ихтэй, олон өнгийн оруулгатайг өмсөх хэрэгтэй. Зуны халуунд цоглог харагдах ийм төрлийн гутлаа богино өмдтэй хослуулан өмсөж болох юм. Энэ зуны бас нэгэн онцлог бол өвдөг шүргэсэн урт түрийтэй гутал байх нь. Гэхдээ мэдээж хэрэг зуны халуунд өмсөх болохоор нимгэн материалтай, торон байж болно. Хэрээстэй, үдээстэй гутал өмсвөл дээгүүрээ чөлөөт загварын цамц өмсөөрэй.

ӨНДӨГ БОРЛОСОН АРЬСЫГ ХАМГИЙН ХУРДАН ЦАЙРУУЛДАГ

Зун хөдөө явж амраад ирэхээр хамгийн түрүүнд тулгардаг асуудал бол борлосон арьс. Ялангуяа цайвар, шаргал царайтай хүмүүс борлочихоор тийм ч сайхан харагддаггүй. Хэрэв богино хугацаанд хурдан цайрахыг хүсэж байвал юун түрүүнд нүүрээ гуужуулж сураарай. Зориулалтын гуужуулагч бэлэн байхгүй бол гэртээ зөгийн бал, бор сахар хоёрыг ижил хэмжээтэй холин сайтар хутгаж байгаад борлосон арьсаа гуужуулж болно. Гуужуулахдаа долоо хоногт хоёроос илүү хэрэглээд хэрэггүй. Учир нь нүүрний арьс дөрвөөс тав хоногт төлждөг гэнэ. Гуужуулж цэвэрлэсэн нүүрэн дээрээ өндөгний цагаан, шарыг тусад нь аваад маск тавьж болно. Бас өглөө бүр лимонтой ус уувал арьс мэдэгдэхүйц цайрдаг. Мөн лимоны хальсыг хуулаад хөргөгчнийхөө мөс хөлдөөдөг хэсэгт дэвсэн буцалсан ус хийж хөлдөөгөөрэй. Түүгээрээ оройд нүүрээ арчвал арьс цайрахаас гадна чангардаг юм байна.

С.АЛТАНЦЭЦЭГ


Categories
мэдээ цаг-үе

Суут хөгжмийн зохиолч Моцарт бөгтрөгтэй бяцхан биетэй, царай муутай эрхэм байжээ

Австрийн Салзбург хот бол алдарт хөгжмийн зохиолч Моцартын төрсөн нутаг. Манайхны хөдөө нутгийг санагдуулам буйдхан газар ажээ. Хотын хаана ч очсон Моцартын зураг байх юм. Моцартын нэртэй хоолны газар, гоо сайхны салон, кофе шоп алхам тутамд таарч байлаа. 150 мянган хүн амтай энэ жижигхэн хотод жилд хоёр сая жуулчин ирдэг гэсэн. Тэд алдарт хөгжмийн зохиолчийн гэр музейг үзэж төрсөн нутгаар нь аялахыг урьтал болгодог ажээ. Хотынхоо төвд байх Моцартын гэр музейн тасалбар 15 евро. Музей түүний амьдарч байсан байшинд тэр чигтээ нүүж орсон бөгөөд нийт 11 өрөөтэй юм байна. Эдгээрээс дээд давхрын гурван өрөөнд Моцарт амьдарч байжээ. Музей үндсэн гурван хэсэгтэй. Түүний хөгжмийн зэмсгийн өрөөнд ороход метр хүрэхгүй өндөртэй гурван төгөлдөр хуур байв. Орчин үеийн нүсэр төгөлдөр хууртай харьцуулахад хүүхдийн тоглоом гэмээр жижигхэн хөгжим дээр Моцарт суугаад “Увидаст лимбэ”-ээс эхлээд дөч, дөчин нэгдүгээр симфониудаа бичсэн байна. Төгөлдөр хуурын эх биеийг сайн чанарын модоор хийсэн байх бөгөөд цөөн даруултай ажээ. Харин он цагийн уртад элэгдэн муудаж байгааг үзүүр хэсгийн гөлчийснөөс харж болохоор байв. Хөгжмийн цаахна Моцартын зарим ноотны гар бичмэлийг эгнүүлсэн байсан. Хар хөх өнгийн бэхээр нямбай бичсэн ноотны хуудсыг шилэн хоргоор хамгаалжээ. Хөгжим судлаач, сонгодог урлагийн үнэнч фэнүүд энд ирэхээрээ алдарт хөгжмийн зохиолчийн төгөлдөр хуурыг хараад л сэтгэлээ барьж дийлэлгүй нулимс мэлмэрүүлдэг гэсэн. Хөтөч “Гурван жилийн өмнө Монголын нэлээн алдартай хөгжмийн зохиолчийн хүүхэд энд ирсэн юм. Улаанбаатараас гарахдаа л Моцартын музей гэж ярьсаар ирсэн. Музейд орж ирээд бараг шоконд орсон байх аа. Уйлж байснаа өрөөний нэг буланд очоод бясалгаад зогсчихсон. Сүүлд учрыг асуувал тэр хүний энергиэс хуваалцаж байсан юм билээ” гэж ярив. Гадныхан ч бас Моцартын гэрт орж ирээд уйлах тохиолдол олон гардаг гэсэн.

Хөгжмийн өрөөтэй залгуулаад Моцартын өмсөж байсан хувцас, бичиж байсан захиа, хэрэглэж байсан үзэг тэргүүтэй эд зүйлсийг дэлгэн үзүүлжээ. Тэрээр намхан нуруутай байсан болохоор үеийнхээ хүүхдүүдэд “Тайрдас” гэж хочлуулдаг байсан гэнэ. Үнэхээр л өмсөж байсан хувцас нь хүүхдийнх гэмээр ажээ. Зузаан даавуугаар хийсэн хөх өнгийн өмд, цайвар өнгийн цамц нь тухайн үеийнхээ сайн чанарын материалаар хийсэн бололтой байв. Түүний эцэг, эх сэхээтэн гаралтай хүмүүс байжээ. Аав Леодолд Моцарт хотдоо төдийгүй Австрали улсад алдар нэрээ цуурайтуулсан хөгжмийн зохиолч байсан байна. Өөрөө хийл тоглодог байсан болохоор хүүдээ төгөлдөр хуур зааж өгчээ. Тэр үед хүү гуравхан настай байсан гэдэг. Хүү нь аавынхаа зааж өгснийг нэг ч алдалгүйгээр сурч байсан болохоор Леодолд хөгжим зохиохоо больж хамаг цаг зав, анхаарлаа Моцартад хандуулж байжээ. “Миний Вольфи (Моцартыг гэрийнхэн нь ингэж дууддаг байсан байна) надаас илүү хөгжмийн зохиолч болно” гэж байнга хүүгээ урамшуулдаг байсан гэнэ. Тэгээд ч тухайн үед Европын сонгодог хөгжим оргил үедээ хөгжиж байсан болохоор өчүүхэн төдий авьяастай хүүхдээ эцэг, эхчүүд нь төгөлдөр хуур, хийл тоглуулдаг байжээ.

Моцарт гуравтай байхдаа төгөлдөр хуураар амархан тоглохооргүй аянуудыг тоглож сурсан тул эцэг нь хийл зааж өгчээ. Улмаар анхныхаа аяыг таван настайдаа зохиосон түүхтэй. Түүний анхны бүтээл минуэт буюу бүжгэн жүжгийн хөгжим байжээ. Зарим эх сурвалжид “Моцарт анхны бүтээлээ дөрөвтэй байхдаа бичсэн” гэдэг юм байна. Жаахан хүүхэд хэрнээ хөгжмийн зохиол бичиж эхэлснээс хойш янз бүрийн тоглоом тоглож сатаарахаа больсон гэсэн. Үүнийг батлах мэт түүний музейд багадаа тоглож байсан болов уу гэмээр тоглоом харагдаагүй. Харин анхны тоглолтын үеэр өмсөж байсан хувцас байв. Кинон дээр гардаг ихэс дээдсийнх шиг улаан хүрэм, цагаан цамцтай ёслолын хувцас ажээ. Чамин тансаг харагдах энэхүү хувцсыг тэрээр долоон настай байхдаа өмсөөд хотынхоо бүжгэн жүжгийн сургуулийн танхимд анхны тоглолтоо хийсэн гэдэг. Түүнийг төгөлдөр хуур сайн тоглох, хөгжим зохиох, тоглолтоо хийх бүрт эцэг нь хүүгээрээ бахархаж юу юунаас илүүтэй баярладаг байжээ. Түүгээр ч үл барам Моцартын төрсөн эгч Мариа Аннаг дүү шигээ хөгжмийн хүн болохыг ятгаж байсан гэдэг. Гэвч Анна сонгодог урлагийн авьяасгүйн дээр ойлгодог ч үгүй байжээ.

Моцартын гэр бүл ихэнх суутнуудын адил ядуу тарчиг байсангүй. Тухайн үед үнэтэйд тооцогдож байсан гангар шаазан тэргүүтэй эд хогшилтой байсан нь музей доторх үзмэрүүдээс харагдаж байлаа. Бас Австрийн хатан хаанаас өгч байсан бэлэг анхаарал татав. Тэрээр есөн настайдаа Венад очиж Австрийн хатан хаан Мариа Тресагийн төрсөн өдрөөр төгөлдөр хуур тоглож өгчээ. Мэргэжлийн уран бүтээлчдийн хүнд, хэцүү гэдэг аяыг ямар ч зовлонгүйгээр тоглох нь хатан хааны төдийгүй язгууртнуудын анхаарлыг татсан гэдэг. Улмаар хоёр жилийн дараа хатан хаан Моцартыг Венад байх үед нь ордонд хоёр дахь удаагаа урьжээ. Энэ удаа бас л ихэс дээдсийн хүлээн авалтад өөрийн бүтээлээ сонордуулахдаа хар даавуугаар нүдээ боож байгаад тоглосон байна. Нүдээ боож байсан хар даавуу нь өдгөө Моцартын музейд байдаг ажээ. Урт нарийхан энгийн даавуугаар нүдээ боож “гайхуулахад” нь хатан хаан “Та бол Австрийн бахархал” гэж магтаад гарын бэлэг өгч байсан байна. Бэлгэн доторх зүйлсээс ган үзэг өдгөө олны нүдийг хужирлан музей дотор хадгалагдаж буй.

Цаашлаад Моцартын аялж байсан газруудын зураг, тэнд юу хийж байсан тухай тэмдэглэл бий. Энэ хэсгийн хамгийн сонирхолтой нь Моцартын жинхэнэ төрхийг харуулсан хар зураг байв. Зорьж ирсэн хүмүүсийн анхаарлыг хамгийн их татдаг уг зурагт Моцартын толгой хэсгийг л харуулсан байлаа. Шингэхэн хэрнээ өрөвгөр үс, нийлэх шахам зайтай хоёр нүд, хэлбэр муутай том хамартай царай муутай хүн байжээ. Бас болоогүй нуруун дээрээ том овойсон бөгтрөгтэй байсан гэдэг. Музейн тайлбарлагч “Моцартын жинхэнэ төрхийг харахаар л бурхан хэзээ ч төгс хүн бүтээдэггүй гэх үг санаанд буудаг юм. Ийм муухай царай бэлэглэснийхээ хариуд агуу бүтээл туурвих гоц авьяас заяажээ” гэлээ. Харин Австричууд өөрсдийнхөө суут эрхмийг дэлхий нийтэд танилцуулахдаа ихэнх европчуудын нэгэн адил өндөр хамартай, өө сэвгүй царайтай зурдаг. Музейн нэг хэсэгт Моцартын өндрийг харуулсан метр байв. Харвал суут хөгжмийн зохиолч ердөө 150 см-ийн өндөртэй хүн байсан байна. Дэлхийн сонгодог урлагийн түүхэнд алдар нэрээ мөнхөлсөн тэрээр 1791 онд 35-хан насандаа үе мөчний өвчнөөр хорвоог орхижээ. Өдгөө Салзбург хотын төвд Моцартад зориулсан дурсгалын хөшөө бий. Түүнийг тойрсон бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд алдарт хөгжмийн зохиолчтой холбоотой эд зүйлсийг зардаг юм байна. Мөн хатан хаан Сиситэй холбоотой дурсгалын зүйлс бий. Уг хотод “Хатан хаан Сиси” киноны Франц Иосеф хааны дүрийг бүтээсэн жүжигчин амьдарч байгаад өнгөрсөн жил 87 насандаа өөд болжээ. Түүнийг амьд сэрүүн байхад уулзахыг хүссэн хүмүүс хотын аялал жуулчлалыг нэмэгдүүлдэг байсан байна.

Хотын төвөөс 30 гаруй минут яваад Сант гилген нууран дээр ирлээ. Явах замд “Хатан хаан Сиси” киноны зураг авалтыг хийсэн байшингаар дайрах ажээ. Бас “Red bull” ундааны төв оффисийн дэргэдүүр өнгөрөв. Гаднаас нь харахад албан байгууллага гэж хэлэхээргүй усан дээр тогтсон энэ газар “Red bull” ундааны түүхтэй холбоотой музей байдаг гэсэн. Гэвч амралтын өдөр таарсан тул орж үзэж чадсангүй.

Нуурын эрэг дээр ирэхэд газар газраас ирсэн жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй байв. Нуурын эргэн тойрны уулс мөнх цасаар хучигджээ. Хад асга ихтэй, сүрлэг сайхан уулын дээгүүр шүхрээр бууж байгаа хүмүүс харагдав. Энд ирэхийн гол зорилго нь сэрүүн үед өндрөөс шүхрээр буух байдаг юм байна. Мөнх цастай уулыг дээрээс тольдохын зэрэгцээ Сант гилген нуурын эрэг дэх нов ногоон зүлэгтэй цэцгийн талбайг харж болно. Хэрэв цаг агаар дулаан байвал моторт завинаас чирэгдэн нуурын усаар аялж болох ажээ. Бас эрэг дээрээс Салзбургийн алдарт шарсан нугасны мах идэх боломжтой юм байна. Ерөнхийдөө байгалийн үзэсгэлэнг хослуулсан аялал жуулчлал гэж юу байдгийг эндээс харж болохоор байв. Нуурын эрэг дээр байх зочид буудлууд жуулчдын захиалгаар янз бүрийн адал явдалт аялал зохиодгоороо алдартай гэнэ. Уулан дээрээс шүхрээр үсэрч үзэхийг хүсэж байвч зориг хүрээгүй тул далайн түвшнээс дээш 1265 метрийн өндөрт байх Гайсберг ууланд гарлаа. Энэ уул Альпийн нурууны хойд салбар уулсын нэг ажээ. Уулын замаар машинтайгаа өгсөх тусам чих дүнгэнэсээр яг орой дээр нь ирэхэд онгоцонд суусан мэт болов. Бас хүйтэн салхи ширүүн үлээж байлаа. Энэ хэсэгт жуулчдаас гадна Салзбург хотын иргэд явган аялал хийдэг юм байна. Манайхаар бол Цэцээ гүн бололтой. Оргил дээр нэг еврогийн зоосон мөнгөөр ажилладаг дурангууд байрлуулсан байв. Түүгээр нь Салзбург хот болон эргэн тойрны мөнх цаст сүрлэг уулсыг харлаа.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Төр иргэдээ “гахай” гэж доромжилж болдог юм бол бид бусдыг юу ч гэж хэлж болох нь ээ

Нийслэлийн Засаг даргын захирагчийн ажлын албанаас шилдэг тохижилт, ногоон байгууламжтай албан газрыг шалгаруулах уралдаан зарласан. Энэ хүрээнд орчноо тохижуулаагүй, цэвэрлэгээ муутай газруудад “гахай” өгдөг болжээ. Сайных нь үүдэнд инээмсэглэж буй дүрс наах юм билээ. Уг ажлын хүрээнд одоогоор 80 албан байгууллагад “гахай” өгөөд байгаа. Төрийн байгууллагаиргэддээ гахай өгч байна гэдэг бол доромжилж, баалжбуйн нэг хэлбэр юм. Иргэдийн татварын мөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг төр засагхянаж, зохицуулах үүрэгтэй болохоос доромжилж, баалах эрх байх ёсгүй.Төр зөвхөн хуулиар зөвшөөрсөн хэм хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах эрхтэй. Харин хувь иргэд болхуулиар хориглоогүй л бол бүхнийг хийж болдог. Ардчилсан нийгэм ийм зарчимтай. Гэтэл энэ зарчим манайд алдагдаж байна.

Гадны улс орнууд ч бас албан байгууллагуудаа үнэлж дүгнэдэг. Гэхдээ мэргэжлийн байгууллага нь хүрч ирж шалгаад үйл ажиллагааг нь оноогоор дүгнээд явдаг. Түүнээс манайхан шиг “гахай” “нохой”-нд нь хүрчдоромжилдоггүй юм. “Гахай” өгөх, оноогоор дүгнэх хоёр тэс ондоо ойлголт. Юу нь өөр вэ гэхээр “гахай” шиг байна гэдэг нь цаашдаа юу шиг ч байна гэж хэлж болно л гэсэн үг шүү. Арчаагүй дорой, заваан бохир, мэдрэл муутай муусайн юмнууд гэх жишээтэй өөр юу ч гэж хэлж болох нь байна. Харин оноогоор дүгнэхийг хүн өөрөөр харна. Ажил хэрэгч байдлаар хүлээж авдаг. Улс нь ч хамгийн бага оноо авсан байгууллагын албан татварыг тодорхой хувиар нэмэгдүүлэх жишээтэй. Татварыг нь нэмж эдийн засагтай нь ярих хамгийн шударга, ойлгомжтой торгууль байдаг.

Нэгэнт төр засаг ард иргэдээ ингэж хоч нэр өгч болж байгаа юм чинь жирийн иргэд бол хэн нэгнийг яаж ч, юу гэж ч хэлж болох нь ээ дээ. Энэ хоч нэр цаашдаа хэсэг бүлэг иргэдийггадуурхан доромжлох шалтаг шалтгаан болбол яах вэ. Үүнийгхариуцах эзэн нь хэн бэ. Энэ нь цаагуураа улс төрийн шалтгаантай ч болж мэднэ. Хэн нэг албан тушаалтай хүн өөрийнхөө дургүй газрыг үхэр, илжиг, махчин, гажиггэхчлэн яаж ч доромжилж, хүссэнээрээ муухай харагдуулж болох гээд байна. Бүр цаашлаад элдвээр хэлж хавчин хяхсаар байгаад татан буулгах хэмжээнд хүрэх нь ээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
булангууд мэдээ томилолт цаг-үе

Гангачуулын гудамж хийгээд зуун зууны түүх хүүрнэх Будапешт дахь хааны ордон

Энэ хавар “Өдрийн сонин”-ы томилолт, мөн хувийн ажлын далимаар Европоор аялах завшаан тохиосон юм. Эртний түүхт буурал Европын хотууд, тэнд амьдрах хүн зон бас монголчуудынхаа тухай цуврал тэмдэглэлээ хүргэж байна.

Будапешт хотын нисэх онгоцны буудал дээрээс тосож авсан найз маань “Шөнийн Будапештийг л үзэхгүй бол Унгарт ирсний хэрэг байдаггүй юм” гэсээр хотын төв рүү дагуулан явлаа. Гэвч цаг нэлээн орой болсон тул хоттой дараагийн өдөр танилцахаар болж зочид буудалдаа очиж амрав. Хол зам туулж ирсэн болохоор эргэн тойрноо ч анзаарах сэхээгүй толгой тавиад л нам унтжээ. Нэг мэдэхэд үй түмэн шувуутай цэцэрлэгт хүрээлэнд унтаж байна уу гэлтэй олон янзын шувуудын жиргээгээр сэрлээ. “Томоо гээчийн цэцэрлэгт хүрээлэнгийн хажууханд л байрласан юм байна даа” гэж багцаалан бодоод цонхоор хартал нэг ч мод харагдсангүй. Шалнаасаа таазандаа хүрч байгаа болов уу гэмээр өндөр цонхтой цагаан саарал байшингууд тулах ажээ. Тэнгэрт бүртийх ч үүл алга. Нэрийг нь үл мэдэх жижигхэн шувууд цонхны наагуур цаагуур сүлжилдэн жиргэх нь сэтгэлд таатай. Аажуухан хувцаслаад гадаа гарвал хотын хөдөлгөөн аль хэдийнэ эхэлжээ. Ялангуяа сургуулийн насныхан ийш тийш хөлхөх юм. Цагаа харвал 06 цаг өнгөрч байв. Будапешттэй танилцуулах найзыгаа ирж автал орчин тойронтойгоо танилцахаар явлаа. Хоолны газар, дэлгүүр, үзвэр үйлчилгээний төвүүдийн хаяг нь дандаа Унгар буюу мажор хэл дээр юм. Хаа нэгхэн “Japanese restaurant”, “Change” гэх хаяг таарна. Ингэж яваад хүнсний дэлгүүрт орлоо. Манай дэлгүүрүүдэд байдаг Европын ихэнх бараа лангууны ард өрөөстэй харагдана. Чихэр, шоколадны тасагт аль хэдийнэ танил болсон “Merci”,“Raffaelo”,“Kinder” тэргүүтэй амттан өрөөстэй. Үнэ нь харин тийм ч хямдхан байсангүй. Улаанбаатарын дурын дэлгүүрээс “Merci” шоколадыг 8000 төгрөгөөр авч идэх бол эндээс 6000 төгрөгөөр авах ажээ. Гоо сайхан, ахуйн хэрэглээний тасагт ч гэсэн дандаа манайд зардаг бүтээгдэхүүнүүд. Бүр манайд байдаггүй бүтээгдэхүүн юу байна вэ гэж хайж үзмээр санагдаж байв. Харин жимс, ногоо нь харьцангуй хямд. Хачин гоё үнэр, амттай бэлцийсэн том гүзээлзгэнэ нэг кг нь 10 мянган төгрөг орчим болж байв. Бас Оросоос хуучин цагт оруулж ирдэг шиг гоё үнэр, амттай алим нэг кг нь 2000 төгрөг орчим ажээ.

Эндхийн байшин барилга бүрийн орой дээр уран баримал сийлсэн нь нүд булааж байв. Хотод хөшөө, уран барималтай хаа сайгүй таарна. Эхэндээ таарсан хөшөө болгоны нэрийг бичиж аваад, уран баримал бүрийнх нь дэргэд зургаа авахуулж байсан бол сүүлдээ залхаж гүйцэв. Хот тэр чигтээ л уран баримал, хөшөөгөөр дүүрчээ. Байшингийн ханан дээр эртний түүхийг харуулсан сийлбэрүүд ярайж байв. Барилгуудын өндөр, өндөр цонхнуудыг анзаарахгүй өнгөрөөж боломгүй. Шалнаасаа таазаа шүргэв үү гэлтэй өндөр цонхоо элдэв хээ хуар багатай бараан өнгийн хөшгөөр халхалжээ. Ер нь эндээс хөшөөгүй, сийлбэргүй барилга олж харна гэдэг байж боломгүй зүйл мэт санагдах ажээ. Сүүлд баригдсан орчин үеийн загвартай ганц нэг зочид буудлын барилгууд хүртэл үүд хавьдаа заавал нэг хөшөө байрлуулсан байдаг юм байна.

Будапешт хоттой танилцах аяллаа тэндхийн залуусын очих дуртай “Гангачуулын гудамж”-аас эхэллээ. Хотын төвд байрлах энэхүү гудамжинд дэлхийн олон брэндийн дэлгүүр бий. Бас олон үндэстний хоолны газар ихтэй. Ерөнхийдөө жуулчдад зориулсан гудамж болохоор хотын бусад хэсгийг бодвол харьцангуй үнэтэй гэсэн. Гэхдээ л Европын бусад хоттой харьцуулахад тун боломжийн үнэтэй болохоор сонирхож байгаа зүйлээ авахыг зөвлөж байлаа. Замд таарсан ганц, нэг дэлгүүрээр орвол Унгарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж байхад гадны брэндүүдээс сонголт хийж болмоор санагдав. Унгар бүтээгдэхүүн гэснээс эднийх ноосон цамцаараа алдартай юм байна. Хориод жилийн өмнө Унгар ноосон цамц өмссөн европ хүүхэн тэр үеийнхээ л хамгийн ганганд тооцогддог байж.Тэр яриа одоо хүртэл хэвээрээ гэсэн. Юугаараа алдартай вэ гэхээр хэдэн ч удаа яаж ч угаасан сунадаггүй, агшдаггүй гэнэ. Ерөнхийдөө оёдлын үйлдвэр ихтэй болохоор ноосон эдлэлийн нэхээс, сүлжээсэнд мэргэшсэн байдаг ажээ. Гудмаар яваа залуус биед аль болох эвтэйхэн байдлаар хувцасласан байв. Эрчүүд нь голдуу өвдөгний дээгүүр татсан урттай богино өмд, даавуун цамц өмсчээ. Бүсгүйчүүд харин урт хормойтой даашинз, эсхүл жинсэн шоортон дээр дал мөрөө гаргасан сул майк өмссөн харагдана. Залуусын гол гангараа нь янз бүрийн бугуйвч, хүзүүний зүүлт, ээмэг, бугуйвч, алчуур, малгай шиг анзаарагдав. Хувцаслалт нь энгийн хэрнээ маш гоё зохицсон гоёл чимэглэлийн зүйлс их хэрэглэдэг юм байна. Энгийн нэг малгайн дээр өд хатгаад л дэгжин харагдах жишээтэй. Хүүхнүүд нь даашинзныхаа өнгө дагуу хэд хэдэн зүүлт давхарлан зүүжээ. Ер нь чамин тансаг гэхээсээ илүүтэй энгийн, гар аргаар хийсэн зүйлс сонирхдог нь анзаарагдаж байлаа. Мөн энэ гудмын төгсгөл хэсэгт хоолны газрууд бий. Шарсан махны үнэр хэдэн метрийн зайнаас үнэртэж цатгалан хэдий ч идэх хүсэл төрүүлэх ажээ. Тогооч нар нь мухлагийнхаа үүдэнд гараад ирчихсэн хоолоо танилцуулна. Голдуу янз бүрээр амталж шарсан мах амсаж үзэхийг санал болгох ажээ. Хамт яваа найз маань “Унгарчууд манайханд их элэгтэй” гэж хэлээд шорлог хийж буй тогоочид хэдэн зүйл хэлэв. Тэгсэн өнөөх нь мухлагийнхаа цаанаас гарч ирж тэврээд сүйд болоод явчихлаа. Яасан гэтэл “Бид монголчууд. Найз маань Улаанбаатараас ирсэн” гэж хэлжээ. Унгарчууд манайхантай гарал угсаа нэгтэй, ахан дүүсээ гэдэг юм байна. Тиймээс монгол хүнд элэгтэй хандаж, дайлах дуртай байдаг ажээ. Ингээд өнөөх маань Монголоос ирсэн дүү минь гэсээр хонины махтай шорлогоор дайлав. Бас тусгай аргаар дардаг, хүндтэй зочдоо дайлдаг ногоо гаргаж ирээд махтайгаа идэхийг хүслээ. Цагаан лууван, улаан чинжүү тэргүүтэй ногоонуудыг бага зэргийн халуун чанартайгаар даршилжээ. Анх удаа идэж байгаа надад амт нь гойд сайхан санагдсангүй. Гэсэн хэдий ч талархсан сэтгэлээ илэрхийлээд босов.

“Гангачуулын гудамж”-нд хол газраас аялж яваа жуулчид их цуглах юм. Үүргэвч цүнхээ газар тавиад орчныг ажиглангаа шар айраг шимэн суух ажээ. Тэдний ингэж суудаг хэсэгт өөрсдийгөө олонд таниулах хүсэлтэй шинэ залуу хамтлаг, дуучид тоглолтоо хийж байв. Зарим жуулчид тэднийг дуулах үеэр ширээнийхээ хажууд зогсож бүжиглэсэн шигээ цагийг зугаатай өнгөрүүлж байлаа. Тэднийг дуурайж хоол эргүүлж, гудманд зарж буй бэлэг дурсгалын зүйлийг сонирхсоны дараа Дунай мөрнөөр усан онгоцоор аялахаар болов. Усан онгоцонд суухын тулд метрогоор явсан. Эндхийн метро дэлхийд хоёрдугаарт ордог эртний метротой. Хамгийн эртний метро Англи улсад ашиглалтад орж байсан бол хоёр дахийг нь унгарчууд барьж байжээ. Метро нь газар доороо нэлээн гүн гэсэн. Уртаа гээчийн цахилгаан шатаар доош буух бөгөөд шат нь хурдан гэж жигтэйхэн. Эхэндээ цахилгаан шатны эхний гишгүүр дээр зогсоод арагшаа савангаа алдаж байна лээ. Метрогоор явсаар хот дундуур урсдаг Дуна мөрөн дээр ирэв. Мөрний баруун хэсгийг Буда, зүүн талыг Пешт гэж нэрлэдэг юм байна. 1873 онд Буда, Пешт, Обуда гэх газруудыг нэгтгэн нийслэл Будапешт үүссэн түүхтэй. Өдгөө Дуна мөрнөөр аялахад хотын ерөнхий төлөв харагдах ажээ. Усан онгоц нь 3000 форинт гэнэ. Нэг форинт долоон төгрөгтэй тэнцэж байв. Аялж явахад Парламентын ордон, Буда цайз, Хааны ордны дэргэдүүр өнгөрч байлаа. Бас Европт алдартай гинжин гүүрэн доогуур өнгөрсөн. Энэхүү гүүрний хоёр талд томоо гээчийн хоёр арслангийн баримал бий. Энэхүү арслангийн баримлыг хийсэн уран бүтээлч бүтээлээ дөнгөж дуусгаад байхдаа амиа хорложээ. Учир нь гүүрний хоёр талд бүтээсэн дөрвөн арслангийн хэлийг хийхээ мартсанаа хүлээлгэж өгөх үеэрээ анзаарсан байна. Ингээд хотын захиргааны дарга нараас айхдаа тэр оройдоо амиа хорлосон тухай түүхийг усан онгоцоор аялуулж буй хөтөч ярьж өгөв. Усан онгоцны аялал хагас цаг хэртэй хугацаанд үргэлжлээд Хааны ордны гадаа буулгалаа. Хааны ордныг унгарчууд өөрсдөө Буда цайз гэж нэрлэх юм. Хааны ордон орчмыг шөнөөр харвал үзэсгэлэнтэй гэж зөвлөсөн учраас нар жаргахыг хүлээнгээ “Арена” гэх худалдааны төвөөр орлоо. Энд бүхий л брэндийн дэлгүүрүүд бий. Гэхдээ байнгын 30-70 хувийн хямдралтай байдаг болохоор сайн хэсвэл хүссэн бараагаа боломжийн үнээр авч чадахаар ажээ. Хоёр давхар тус дэлгүүрийн үүдний хэсгээр л яваад хөл цуцчихлаа. Цаад зах нь хаана байгаа нь мэдэгдэхгүй болохоор гурван цаг хэсээд гарав. Ингээд бүрэнхий болсон учраас хааны ордон руу явсан юм.

ЮНЕСКО-гийн дэлхийн өвд 1987 онд бүртгэгдсэн хааны ордныг 1243 онд барьж эхэлжээ. Ордон барих явцад маш олон удаагийн халдлага дайралт гарч барилгын явцыг удаашруулж байсан гэнэ. Улмаар 1410-1430 онд тухайн үеийн эзэн хаан ордны барилгыг түргэвчлэх шийдвэр гаргажээ. Гэсэн хэдий ч барилгын ажил мөн л дорвитой урагшлахгүй байсаар 1700 онд бүрэн зогсчээ. Түүнээс хойш ордонд хэн ч гар хүрэхгүй байсаар 1867 онд Австрийн хаан Франц Иосеф Унгар улсыг захирах болоход эзэн хаандаа зориулан ордны ажлыг бүрэн дуусгаж тохижуулсан түүхийг хөтөч маань сонирхуулав. Гэвч Европтоо хамгийн эртнийхэд тооцогдох уг ордонд эзэн хаан хэзээ ч амьдарч байгаагүй ажээ. Франц Иосеф Унгарын хаан болсноосоо хойш анх удаа ордонд ирж ёслолын дараа хонох гэж байхад нь Австриас яаралтай захиа ирэн нутаг буцаж байжээ. Түүнээс хойш ордонд нэг ч эзэн хаан ирээгүй бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үеэр асар их хохирол амсаж сүйдэж байсан байна. Улмаар 1946 оноос дахин сэргээж 1960 оноос хойш өнөөгийн дүр төрхөө хадгалж байгаа гэсэн.

Хааны ордон Дуна мөрний баруун эрэг дээр байрлах ажээ. Уулын энгэрт байрлах ордон олон давхар хэсгээс бүтсэн байв. Шөнө болж ордны гэрэлтүүлэг асахад ер бусын үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Бас гинжин гүүр, Парламентын ордон зэрэг түүхэн дурсгалт газрууд гэрэлтүүлгээ асаасан байхыг хараад яагаад заавал шөнийн Будапештыг үзээрэй гэснийг ойлгов. Учир нь байшин барилгуудаас цацарсан үй түмэн гэрэл шөнийн харанхуйтай хоршиж Будапешт хотыг чимжээ. “Европоор аялж байгаа хүмүүст заавал үзэх ёстой хоёр хот байдаг. Нэг нь Парис, нөгөөх нь Будапешт” гэж хамт яваа хүн маань хэлэв. Ингээд ордны гол хэсэгт гарахаар чулуун шатаар дээш өгслөө. Булан тохой бүрт эртний баатрууд, гоо бүсгүйчүүдийг дүрсэлсэн уран баримал байх юм. Бас давхар бүрт сүрлэг сайхан усан оргилуур өнгө өнгийн гэрэл дор оргилох ажээ. Хааны ордон баруун, зүүн, хойд, өмнөд гэсэн жигүүртэй бөгөөд хойд жигүүрийг ордны гол хэсэг гэж үздэг юм байна. Тэнд шүтээний байр, ёслолын, их сэнтийн, цайны, хааны унтлагын, зочдын, бичгийн, тамхины, хоолны зэрэг өрөөнөөс гадна урлагийн музей, хааны үнэт эдлэлийн сан байдаг гэсэн. Ордны зарим өрөөгөөр ажлын цагаар орж үзэж болдог ажээ. Цагаан гантиган ханатай, улаан гантиган шаттай Дундад зууны модернист загварын ордны төв хэсэг дөрвөн давхар өндөр. Дээд давхарт гарч ирэхэд жуулчид дүүрэн байв. Энд тэнд зогсож зургаа авахуулахын зэрэгцээ залуу хосууд Дуна мөрөн рүү харсан хашлага налан үнсэлцэн зогсоно. Дуна мөрний зүгээс ирэх зөөлөн салхинд нүүрээ илбүүлэн Будапешт хотын сайхныг бахдан зогсоод доош буулаа. Дараагийн очих газар хотын урд байх Баатруудын талбай. Энд Ялалтын бурхныг дүрсэлсэн “Зууны хөшөө” нэртэй баримал бий. Түүнийг нь тойроод Унгарын хаан ширээнд сууж байсан 14 хааны хөшөө байв. Энд бас л жуулчид олноор цуглачихаж. Тэд нутаг нутгийнхаа дууг чангаар дуулаад шар айраг шимэн суух ажээ.

ВЕНА ДАХЬ ХАТАН ХААН СИСИГИЙН ОРДОН

Унгарын нийслэл Будапешт хотоос машинтай гарч хоёр цаг гучинминут давхиад Австрийн Венад ирэв. Хоёр улсынхилээр нэвтрэх нь манай 22-ын товчоогоор гарч байгаатай л төстэй юм. Машинтай явж байгаа хүмүүсийг шалгаж байгаа ч юм алга. Гэхдээ юмыг яаж мэдэхэв гэдэг бололтой буу барьсан хоёр цагдаа орчны амгалан тайван байдалд хяналт тавьж байлаа. Венийн төвд орж ирээд хамгийн түрүүнд хатан хаан Сисигийн Шёнбрун ордонтой танилцахыг бодов. Хатан хааны ордон руу ороход дөрвөн төрлийн тасалбараас сонгож авдаг юм байна. Ордны эргэн тойронтой танилцах, хатан хааны ордон руу орох, хувцас хэрэглэлийн өрөөгөөр аялах, ордон болон амьтны хүрээлэнгээр зугаалах гэсэн сонголттой. Тасалбар нь юу үзэхээс хамаарч 10-50 еврогийн үнэтэй байв. Хатан хааны ордноор аялах 25 еврогийн тасалбар аваад дотогш орлоо. Орох хэсэгт англи, япон, хятад, орос, герман, франц хэлний сонголтоор тайлбар сонсох жижигхэн хөгжим шиг зүйл өгөв. Түүн дээр байгаа тоонууд дээр дарахад тухайн дугаартай үзмэрийг тайлбарлах учиртай юм байна. Өнөөхөөс нэгийг аваад дотогш ортол өөрийн эрхгүй дуу алдав. Шалнаас тааз хүртэлх зай нь дор хаяж дөрвөн метр хэмжээтэй. Өндөрт байх таазан дээр алтан шаргал өнгөөр эртний бурхдыг зуржээ. Цонхнууд нь улаан хүрэн өнгийн зузаан хөшигтэй. Хана дагуулан тавилгууд өрөөтэй байв. Тавилга сэлтэд гар хүрч болохгүй учраас наагуур нь хамба хилэн уяагаар хязгаарлажээ.

Үүдний хавьд үйлчлэгч, асрагч эх, даамлуудын өрөө байв. Тэдний өрөө гял цал бус мөртлөө булан тохойдоо уран барималтай юм. Бас тухайн үеийн ордны ажилтнуудын өмсөж байсан хувцас хэрэглэлийг дэлгэн үзүүлжээ. Зарц, асрагч нар газар шүргэсэн урт хормойтой цайвар өнгийн даашинзан дээр цагаан хормогч зүүдэг байсныг харав. Хиа, даамлууд өндөр хар малгай өмсөн улаан өнгийн ёслолын хувцастай алба хаадаг байжээ. Өрөөний эд хогшлыг үзмэр шиг биш хүн амьдарч байгаа мэт байрлуулсан нь ордонд зочин болоод ирчихсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Амьдарч байсан хүмүүсийг ч гэсэн яг л хажууд ажлаа хийж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр үйл хөдлөлтэй байрлуулжээ. Хүүхдийн орны дэргэд хувцас эвхэн зогсож байгаа асрагч, хааны зарлигаар бусад улс орон руу захиа илгээж байгаа бичээч гээд тухайн үед хэн, яаж ажиллаж байсныг харсаар хааны ажлын өрөөнд ирлээ. 1854 оноос Австри улсын эзэн хаанд өргөмжлөгдсөн Франц Иосефийн өрөөний хойморт ажлын ширээ байх ажээ. Цэвэр модоор хийсэн болов уу гэмээр ширээн дээр бэхэнд дүрж бичдэг өд, зузаан ном, Австрийн төрийн далбаа, газрын зураг зэрэг байв. Эзэн хааныг ширээнийхаа ард суугаад Сиси хатандаа захиа бичиж байгаа мэтээр төсөөллөө. Өрөөний эсрэг талд буйдан, хагас хэвтээ байдлаар суух урт сандал, цайны ширээ зэргийг байрлуулжээ. Цайны гүцэн дээрх чимэглэл аяганы амсрын алтан шармалтай тун сайхан зохицож байв. Ажлын өрөөг улаан хүрэн, бор өнгийн тавилгаар тохижуулжээ. Цаашлаад хаан, хатан хоёрын унтлагын өрөө, уулзалтын өрөөнүүд үргэлжилж байна. Хаан хатан хоёрын унтдаг байсан ор лав л гурван метрийн өргөнтэй байх аа. Орны дөрвөн талаар цагаан өнгөтэй нимгэн хөшиг унжуулжээ. Энэхүү өрөө хаан, хатан хоёрын албан ёсны унтлагын өрөө бөгөөд түүнээс гадна тэдний мэдлийн зургаан өрөө бий гэсэн. Харин өрөө бүрт ваар хэлбэрийн ханын зуух байлаа. Уг зуухаар өрөөг бүхэлд нь халаадаг байжээ.

Хааны хувцасны өрөөнд ороход ёслолын, энгийн, ангийн, уулзалтын хувцаснуудыг маниканд өмсүүлсэн байсан. Хувцаснаас багцаалбал Франц Иосеф хаан 180 см орчим өндөртэй байсан бололтой. Өрөө бүрийн ханан дээр хатан хаан Сисигийн болон бусад гүнж нарын зургийг жаазлан өлгөсөн байв. Шёнбрун ордон 1441 өрөөтэй болохоор бүгдийг нь байтугай талыг нь ч үзэж амжихааргүй юм. Архитектурын түүх, соёлын дурсгалт гол гол өрөө, танхимыг нь сонирхоод цэцэрлэгт хүрээлэн рүү орлоо. Ордонг 1569 онд барьж, 1642 оноос Шёнбрун гэж нэрлэх болжээ. Ордонд хамгийн сүүлд амьдарч байсан Франц Иосеф хаан 86 насандаа буюу 1916 онд нас барахад Шёнбруныг улсын өмчид бүртгэн авсан гэдэг. Улмаар 1955 оноос музей болгон олон улсын аялал жуулчлалын чухал үзмэрүүдийн нэг болгожээ.

Ордны ар талд таван га цэцэрлэгт хүрээлэн үргэлжлэх юм. Нов ногоон зүлгэн дээр өнгө өнгийн цэцгээр элдэв хээ оруулан чимжээ. Мод ургамлаа хүүхэлдэйн баатар, амьтны дүрсээр хэлбэржүүлэн тайрсан байв. Цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах өргөн гудамжны хоёр талаар ургасан модыг шугам барьж байгаад хяргаа юу гэлтэй нэгэн жигд тайрчээ. Төв ордноос 300 метр орчим зайд нуур байсан. Тэнд усны шувууд цуглаад гангар, гунгар дуугарах ажээ. Хүнтэй ижилдэн дассан бололтой ойртоод очиход үргэхээ ч мэдэхгүй юм. Нуурын цаахна аварга том гантиг чулуун саравч байлаа. Тэндээс ордны ерөнхий төлөв байдлыг харж хэсэг суув. Австричууд Шёнбрун ордныхоо цэцэрлэгт хүрээлэнд хүссэн үедээ зугаалдаг ажээ. Хаа сайгүй л бэлтгэлийн хувцастай гүйж байгаа хүмүүсийг хараад ажлын өдөр ингээд гүйж явдаг яасан сайхан завтай нөхөд вэ гэх бодол төрж байв.

Задгай саравчнаас Шёнбрун ордныг толидонгоо хатан хаан Сисигийн тухай яриа өрнүүлэв. Хөтөч маань “Сиси хатан чиний бодож байгаа шиг ариухан амьтан байгаагүй юм” гэсэн нь сонирхол татлаа. Гоо үзэсгэлэн төгс, шулуун шударга, ялдамхан бүсгүйн төсөөллийг “Хатан хаан Сиси” киноноос авчихжээ. Тэгсэн хөтөч маань шал өөр зүйл ярьж байна шүү. Франц Иосеф хаантай суугаад удаагүй байхдаа Унгар болон Италийн гүнтэй нууцаар амрагладаг байсан. Түүнийг нь хаан мэдээд гэр бүлээ цуцлуулсан хэдий ч гурван жилийн дараа эргээд нийлсэн гэхчлэн ярилаа. Тухайн үед европ эрчүүдийг хөөрхөн царай, 50-хан см-ийн тойрогтой нарийн бэлхүүсээрээ байлдан дагуулж байсан түүнд бусад улсын хаан, хунтайж, гүнгүүд унан тусан дурладаг байжээ. Италийн өндөр язгуур угсаатай гүнтэнг Венад ирэх үеэр танилцан улмаар сэтгэл алдарч эр нөхрөө хүртэл мэхэлсэн түүх байдаг гэнэ. Дурласан гүнтэнг санахын эрхэнд ордноосоо нууцаар гарч уулзалдаж байгаад эзэн хаандаа баригдсанаар харилцаагаа дуусгавар болгожээ. Гэсэн ч хашралгүй Унгарын язгууртантай амрагласнаар Шёнбрун ордноо орхиж байсан юм байна. Франц Иосеф Сисигээс салсныхаа дараа улс орноо удирдахад хатных нь үнэтэй зөвлөгөө дутагдаж байснаар авааль гэргийгээ уучлан буцааж авчирсан түүхтэй. Мөн Сиси хатан Унгар улсад элэгтэй байдгийг түүний дурлалт хархүү Андраши гүнтэнтэй холбон ярьдаг гэсэн. Гэхдээ Франц Иосеф улс төрийн хэрэгт анхаарлаа бүрэн хандуулдаг, эр нөхрийн хувьд гэргийгээ хайр, халамжаар үргэлж дутаадаг байсан гэдэг. Ордон дотор явж байхад ханан дээр өлгөсөн зурган дээр нээрээ л хөөрхөн хүүхэн байсан даа. Өвдөг шүргэсэн буржгар урт үстэй, өтгөн хар хөмсөгтэй өө сэвгүй сайхан бүсгүй байж, Сиси. Түүний гоо сайхан царайнаас гадна улс орныг зөв бодлогоор чиглүүлж явсан үйл хэрэг алдар нэрийг нь улам бүр цуурайтуулж байжээ. Тэрээр эмэгтэй хүний зөөлөн сэтгэлээр аливаад ханддаг байсан гэнэ. Сэтгэл хөдлөл багатай, хатуу ширүүн гэмээр хааны гаргаж буй шийдвэрүүдийг Сиси зөөллөдөг, улс төрийн чухал шийдвэрүүд дээр алсыг харсан холч ухаанаар зөвлөгөө өгдөг байсан байна. Тэрээр бодит амьдрал дээр эзэн хаантайгаа тийм ч дотно харьцаагүй байсан бөгөөд Франц Иосеф хатнаа нас барсных нь дараа “Сисид би ямар их хайртайгаа ойлгуулж чадсангүй” хэмээн харамсан уйлж байсан гэдэг. 1937 оны арванхоёрдугаар сарын 24-нд Германы Мюьнхен хотод Баварийн гүн Максимлан Жозефийн гэрт төрсөн Элизабет Амалия Евгений буюу Сиси хатан Австри болон Унгар улсын хатан хаан байсан юм. Түүнийг 1898 онд Швейцарийн Женев хотод зугаалж явахад нь Италийн анархист үзэлтэн Луйчи Лучиени гэгч зүрхэн тушаа нь хутгалан амь насыг нь хороожээ.Хожим түүний тухай “Хатан хаан Сиси” кино бүтээснээр дэлхий даяар танигдсан гэдэг. Өдгөө хатан хаан Сисигийн амьдарч байсан ордныг үзэхээр жилд дөрвөн сая жуулчин Вена хотод зочилдог ажээ.

Ордноос тун холгүй алдарт Венийн дуурийн
театр байдаг юм байна. Дотор болж буй тоглолтоо гадаах дэлгэцээрээ шууд
дамжуулдаг болохоор жар гаруй сандал эгнүүлээд өрчихдөг ажээ. Тэнд хэн дуртай
нь суугаад дуурь сонсож болох юм. Олон хүний дэргэд очоод хэсэг суув. Ихэнх нь
дэлгэцээр гарч буй хүний дуунд уярчээ. Нэг харахаар нүдээ аньчихсан суудал
дээрээ ганхана. Дахиад нэг анзаарвал ямар нэг зүйлд санаа зовж байгаа аятай хөмсгөө
зангидчихсан суух ажээ. Надад харин дуурийн театрын барилга сонин санагдав.
Гурван давхар барилгын хана тэр чигтээ уран сийлбэрээр дүүрчээ. Сахиусан тэнгэр,
эртний Грекийн дайны бурхадыг ханан дээр уран тансагаар сийлсэн нь гайхалтай.
Дуурийн театртай зэрэгцээд “Штефан” сүм байв. Сүм рүү хүссэн хүн бүр орж болох
ч гэлээ биеийнхээ аль нэг хэсгийг ил гаргасан хувцастай бол оруулдаггүй юм
байна. Сүм, дуурийн театр бүхий төв гудмаар явж байгаад казино руу орлоо.
Багахан еврогоор азаа үзэх хүсэл байсан ч эрчүүд төдийгүй эмэгтэйчүүд нь
ёслолын хувцастай орох ёстой гээд халгаасангүй. Харин үүдэнд нь байх 777
тоглоомоор тоглож болно гэнэ. Буцаж гараад төв гудамжаар алхахад шарсан зайдас,
пицца тэргүүтэй түргэн хоолны газрууд олон таарч байв. Пиццаг ганцаараа явж
байгаа хүн идэхэд тохиромжтой болгон зүсмээр зардаг ажээ. Гурил нь мэдэгдэхгүй
шахам олон хачиртай зүсэм пицца таван еврогийн үнэтэй. Хоолны газруудад нэг
таваг хоол ойролцоогоор 15 еврогийн үнэтэй байна лээ. Гудмаар явж буй залуус
жинсэн өмд, даавуун цамц өмссөн харагдана. Энэ хавиар жуулчид ирдэг нь илт.
Зургийн аппарат тэврэн үүргэвч үүрсэн хүмүүс гудмаар холхихтой зэрэгцэж алхаад
“Волксгартен” метроны буудал дээр ирлээ. Уг буудлын нэг буланд хааш, хаашаа
хоёр метр хэмжээтэй шилэн хана байв. Тэнд хоёрдугаар дайны үед еврейчүүдийг
амьдаар нь булсан гэсэн. Дотроо чулуун хана, төмөр сараалжаас өөр зүйл
харагдахгүй мөртлөө огиудас хүрэм эвгүй үнэртэй байлаа. “Яагаад ийм үнэр
гардгийг мэдэхгүй. Уг нь цогцос аль хэдийнэ газар шороондоо шингэсэн баймаар
юм” хэмээн хөтөч маань тайлбарлав. Нас барсан хүний үнэр л ийм байдаг байх даа
гэмээр эвгүй үнэр үнэртээд, амьд хүмүүсийг булсан шүү гэж бодохоор тэр хавь нэг
л зэврүүн санагдах ажээ. Яагаад ийм газрыг энэ хэвээр нь байлгадгийг мэдэхгүй ч
шилэнд тулж очсоноос хойш нэг хэсэгтээ л дотор муухайрч байлаа. Харин шилэн
хананаас метр гаруй зайнд зогсоход өнөөх үнэр алга болж байв.

Метронд суугаад явж байтал гудамжны хулигаан маягтай залуу
бидний хажууд ирлээ. Халтайсан нүүр, тааруухан хувцсыг нь хараад айдас төрлөө.
Эх хэлээрээ ярих биднийг ширтээд зогсоод байхаар нь хөтөч “Чамд ямар нэг зүйл
хэрэгтэй” юу гэтэл “Энэ эмэгтэй миний тухай яриад байна уу” гэдэг байгаа. “Үгүй
дээ, бид Вена хотын тухай ярилцаж байна. Монголоос ирсэн хүмүүс” гэтэл нүүрэнд
нь мишээл тодрон “Чингэс хаан, Чингэс хаан” гэчихээд яваад өглөө. Австри уг нь
тайван амгалан хот хэдий ч Украйны дайнаас хойш бага зэрэг үймээнтэй байгаа
гэнэ. Дайнаас дүрвэж орж ирсэн хүмүүс Австрид ирээд хийх ажилгүйн улмаас
хулгай, дээрэм хийх болжээ. Ялангуяа метронд бусдыг дээрэмдэх тохиолдол их гарч
байгаа юм байна.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Б.Сэр-Од: Би олон улсын бүх тэмцээнд эх орныхоо нэр дээр гүйж байгаа

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Одтой ярилцлаа.

-“Улаанбаатар марафон-2015” олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Бүтэн марафонд түрүүлсэнд тань баяр хүргэе.

-Тав дахь жилдээ болж буй “Улаанбаатар марафон”-оос Монголын ард түмэн гүйлтийн төрлийг сонирхдог болсон, өөрсдөө гүйдэг болсныг харлаа. Нийслэлийн удирдлагууд ард түмнийхээ хүсэл сонирхлыг мэдрэн хотынхоо төвөөр марафон тэмцээн зохион байгуулж байгаад талархах хэрэгтэй. Хотоо гадаадад сурталчлах том боломж гэж харж байгаа. Өнөө жилийн тухайд 10 км-ийн тойргийг дөрөв тойрч гүйсэн. Гүйлтийн замыг цагдаагийн бие бүрэлдэхүүн бүрэн хамгаалалтад авсан нь тэмцээний давуу тал юм. Дутагдалтай зүйл бас байсан. Бүх төрөлд оролцож байгаа тамирчид нэг зам дээр гүйсэн. Энэ үед гараанаас гарч байгаа, барианд орж байгаа тамирчид давхцах асуудал гарч байлаа. Би эхнийхээ тойргийг дуусгаад хоёр дахь руугаа орох гэж байхад таван км-ийн зайд гүйсэн тамирчин барианд орохтой давхцах жишээтэй. Барианд орж байгаа тамирчид замаа хаагаад юу ч бодолгүй зогсчихдог. Цааш үргэлжлүүлэн гүйх би тэдний дундуур гарах, тойрч гарах гээд хугацаа алдах асуудал гарсан. Ер нь тэгээд олон улсын марафон тэмцээн зохиож байсан туршлага аргагүй дутаж байна лээ.

-Уралдааны зам дутуу байсан гэх яриа гарсан. Та мэдрэв үү?

-Зам дутуу байсан шүү дээ. Хагас, бүтэн марафоны замд 600 гаруй метр дутуу байсан. Дутуу зам дээр гүйж байгааг олон улсын тэмцээн гэж хэлэх хэцүү л дээ. Бүтэн марафон олон улсын жишигт 42 км 195 метр гэсэн ганцхан хэмжигдэхүүнтэй. Гэтэл бид сая 41 км 600 гаруй метр гүйсэн байгаа юм. Тэгэхээр олон улсын түвшний тэмцээн биш. Бид замаа бүрэн хийж чадахгүй болохоор олон улсын зэрэглэлтэй мундаг тамирчид ирж оролцохгүй. Яагаад гэхээр дутуу зам дээр гүйсэн амжилтыг хаана ч тооцохгүй.

-Зам дутууг яаж мэдэв?

-Уг нь тэмцээн эхлэхээс өмнө зохион байгуулагчид дээр дасгалжуулагчийн хамт очоод 10 км-ийн замыг хэмжиж өгсөн юм. Марафон гүйлтийн зам хэмждэг албан ёсны хэмжүүр байдаг. Түүгээрээ хэмжсэн. Дараа нь 42 км-ийг хамтдаа хэмжье гэсэн боловч өөрсдөө хэмжсэн байна лээ. Зам дутууг яаж мэдэв гэхээр миний цаг хэмжигчтэй. Олон улсын тэмцээнд гүйсээр байгаад тодорхой хэмжээний баримжаатай болчихдог юм. Дээрээс нь тамирчид яг хаагуур тойрохыг хэлээгүй. Намайг гүйж байхад “Наанаас эргэхээр болсон шүү” гэх мэдээ ирсэн. Гүйж байгаа болохоор наанаас гэхээр аль хавийг хэлж байгаа юм бол доо гэж бодоод өнгөрсөн. Энэ мэтчилэн дутагдалтай зүйл зөндөө байлаа.

-Гүйж байгааг тань харж байлаа. Олон хүн таныг дэмжиж байна лээ?

-Өмнөх жилүүдийг бодвол энэ жил хөгжөөн дэмжигч маш олон байсан. Эхний гурван жил Улаанбаатараас Налайх хүртэл гүйдэг байсан болохоор үзэгч байхгүй байсан гэж хэлж болно. Харин сүүлийн хоёр жил нийслэлийн төвөөр гүйлгэж байна. Энэ нь марафон гүйлтийн төрлийг олон нийтэд сурталчлах сайхан арга. Саяын тэмцээнийг зурагтаар шууд дамжуулж байсан болохоор гэртээ байсан хүн “За одоо манай гэрийн хажуугаар өнгөрөх нь” гээд гарч ирээд зам дээрээ зогсчихсон. Гүйж байхад замын хажууд байгаа хүмүүс алга ташин урам зориг өгч байсан. “Гүйгээд байгаарай. Дэмжиж байгаа шүү. Тасархай шүү” гэхчлэн орилно. Бусад төрөлд гүйж байгаа тамирчдын хажуугаар өнгөрөх үед нэг хэсэгтээ дагаж гүйх жишээтэй. “Найман шарга” захын урдуур гүйж байхад нэг ах миний биед хүрэх гээд нэлээн дагаж гүйсэн.

-Яаж байгаа юм бол оо?

-Монголчуудын сайхан уламжлал байна шүү дээ, түрүүлээд ирсэн хурдан морины хөлснөөс адис авч хийморио сэргээдэг. Тэрэнтэй л адил байхгүй юу. Яг тэмцээнд оролцоод гүйж байх үед хүн тэгж дагахаар эвгүй юм байна лээ. Гэхдээ гоё шүү дээ. Намайг дэмжиж байгаа тэр хүмүүсээс би урам зориг авч улам хурдалдаг юм. Шууд бэлэн мөнгө май гээд өгөхгүй ч гэлээ сэтгэл гэж юугаар ч үнэлшгүй сайхан юм байна.

-Германд болсон тэм­цээнээс “Рио-2016” олим­пийн наадмын эрхээ авсан. Тэр тэмцээний тухай ярихгүй юу?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд Германы Хамбург хотноо болсон олон улсын тэмцээнд оролцож олимпийн наадмын эрхээ авлаа. Энэ тэмцээний бүтэн марафон буюу 42 км 195 метрийн зайд 20 мянган тамирчин оролцсон. Их тоо байгаа биз. Би 2 цаг 10 мин 15 секундын амжилтаар зургадугаар байрт шалгарч хөнгөн атлетикийн төрөлд хамгийн эхний олимпийн эрхээ авлаа.

-Олимпийн наадам ч ойр­тож байна шүү. Таны бэлтгэл хэр байгаа вэ. Бэлт­гэлээ хаана хийж байна вэ?

-Том уралдаан тэмцээний сэргээлтийн болон суурь бэлтгэлээ Монголд хийж байгаа. Яг чухал бэлтгэлээ Японд очиж хийж байна.

-“NTN” клубт харьяалаг­даж байгаа хэвээрээ юу?

-Хэвээрээ. Гэхдээ намайг тэнд бэлтгэл хийж байгааг зарим хүмүүс ташаа ойлгоод байдаг юм шиг байна лээ. Японы клубээс бүх зардал мөнгөө даалган бэлтгэлээ хийдэг. Тэмцээн уралдаанд оролцох зардлаа клубээсээ гаргуулж байна гэж ойлгодог. Үнэндээ тэмцээнд оролцох зардлаа би өөрөө гаргадаг. Заримдаа улсаас гаргаж өгч байгаа. Жижиг тэмцээнд буюу “NTN” клубийн тамирчидтай баг болон оролцох зардлыг япончууд гаргадаг. Тэр бүү хэл Японы бусад хотод очиж бэлтгэл хийхэд гарах бүх зардлаа би өөрөө төлж явна.

-Тэндээс цалин авна биз дээ?

-Цалин авахгүй ээ. Зүгээр л бэлтгэл хийх боломжоор хангаж байгаа юм. Яагаад тэд нар намайг өөрсдийн байранд аваачин бэлтгэл хийлгээд байна вэ гэхээр бүтэн марафонд 2 цаг 08 минут 50 секунд гүйсэн тамирчин Ази, Европт цөөхөн шүү дээ. Гэтэл гүйлт мэдэхгүй орны тамирчин ийм амжилт гаргаж том тэмцээнд түрүүлээд байхаар анхаарлыг нь татаж байна. Энэ хүний бэлтгэл хийх боломжийг хангаад өгвөл өшөө ямар амжилт үзүүлэх бол гэсэн сэтгэлээр дэмждэг юм.

-Яваад жил болчихсон уу?

-Яг л нэг жил болж байна. Гэтэл намайг аль хэдийнэ Японы иргэн болчихсон мэтээр ойлгоод байх шиг байдаг.

-Олон улсын тэмцээнд орохдоо хаанахаар овоглож байна вэ. “NTN” клубийн тамирчин гэж дуудуулдаг уу?

-Олон улсын ямар ч тэмцээнд очсон Монголын тамирчин гэж явдаг. Майкан дээр л “NTN” клубийн таних тэмдэг байдгаас биш Монгол Улсын тамирчин Б.Сэр-Од гэж дуудуулж байгаа.

-Шигшээ багт таны дасгалжуулагчийг авахгүй байгаад байсан. Одоо асуудал шийдэгдсэн үү?

-Одоо хүртэл шийдээгүй ээ. Он гарснаас хойш “Б.Сэр-Одын багшийг шигшээ багт авлаа” гэх мэдээлэл гарч байсан ч өнөөдрийг хүртэл албан ёсоор шигшээ багт ороогүй байгаа. Бусад спортын салбарт эхнэр, нөхөр хоёр бие биенийгээ дасгалжуулаад явах тохиолдол гардаг. Гэтэл бид хоёр дээр л ашиг, сонирхлын зөрчил гэсэн зүйл гараад байдаг юм. Тэртээ тэргүй би олимпийн эрхээ аваад ирдэг. Тэгэхээр олимпийн наадмаас жил хүрэхгүй хугацаанд миний дасгалжуулагчийг шигшээ багт авдаг. Олимп дуусахаар хасчихна. Гурав дахь олимптоо ингэж байна даа.

-Удахгүй дэлхийн аварга болно. Ямар зорилго тавьж байгаа вэ?

-Энэ жилийн ДАШТ их хариуцлагатай тэмцээн болж байгаа. Тэгэхээр Японд очиж бэлтгэл сургуулилтаа хийх гэж байна. Өнөөдөр юмуу маргааш явах бодол байна. Олимпийн өмнөх ДАШТ гэдэг бол асар өндөр хариуцлага шүү дээ.

-Японд өдөрт хэдэн цагийн, ямар бэлтгэл хийдэг юм бэ?

-Яг тогтсон зүйл байхгүй. Өдөр бүр өөр бэлтгэлд гарна. Тамирчин хүн ямар бэлтгэл хийх ёстой байдаг тэр бүхнийг хийнэ. Хурд, хүч, уян хатан, авхаалж самбаа, тэсвэр гээд цогц бэлтгэл хийдэг юм.

-Дасгалжуулагчтайгаа хамт явах уу?

-Ганцаараа явна. Багштай­гаа явъя гэхээр зардал мөнгөний асуудал хэцүү шүү дээ. Бүх зардлаа хувиасаа гаргаж байгаа болохоор хамт явах боломжгүй.

-Та одоо аль байгууллага, клубт харьяалагддаг юм бэ?

-Яг тэр гээд харьяалагдаж байгаа байгууллага алга. Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад цолтой. Манай нэгдүгээр хэлтсийн дарга Батбаатар болон хамт олон маань дэмждэг юм.

-Олон улсын тэмцээн уралдаанд оролцох зардал мөнгөө яаж зохицуулж байна вэ?

-Сая өнгөрсөн нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл бэлтгэл хийх зардлыг шигшээ багаас гаргаж өгсөн. ДАШТ-д оролцох зардал надад хэрэггүй. Тэртэй тэргүй Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос гаргаад өгчихнө. Би жирийн нэг тамирчин биш шүү дээ. Дэлхийд данстай тамирчин. Тэгэхээр ДАШТ-д оролцох бүх зардлыг олон улсын холбооноос гаргана. Надад одоо юу хэрэгтэй вэ гэхээр ДАШТ-д оролцох бэлтгэлийн зардал хэрэгтэй. ДАШТ эхлэхэд 71 хоног үлдээд байна.

-Таныг олон улсын тэм­цээнд оролцохоор очиход хэр хүлээж авдаг вэ?

-Жаахан дэгсдүүлээд хэлэхэд төрийн айлчлалын хэмжээнд хүлээж авна даа. Монголын Б.Сэр-Од ирчихсэн байна гээд шуугичихна. Тэмцээний өмнө “Та өнөөдөр ямар бэлтгэл хийх вэ. Ямар зам бэлдэх үү” гэж асуухаас л эхэлнэ дээ. Тусгай машинаар үйлчлээд эхэлдэг.

-Таны яриаг сонсож байхад монголчууд таныг дэмжихгүй байгаад гомдолтой байдаг мэт сэтгэгдэл төрөх юм?

-Тэгж хэлж болохгүй ээ. Монголын ард түмэн надад хайртай. Намайг хаана ч явсан чин сэтгэлээсээ дэмждэг. Мөнгө төгрөгний асуудал бол хэдэн дарга нартай л холбоотой шүү дээ. Миний сул тал хүнд тал засаж чаддаггүй. Хэний ч өмнө шууд хэлдэг. Тэр нь зарим нэг даргын эгдүүг хүргэдэг шиг байгаа юм.Энэнээсээ болоод жаахан хавчуулагдаад, дарагдаад байдаг тал бий.

-ДАШТ-д таны гол өрсөлдөгчид хэн байх бол?

-Бүтэн марафоны дээд амжилт 2 цаг 02 минут 57 секунд байдаг юм. Гэхдээ энэ амжилтыг зөвхөн Берлиний марафонд л эвдэх боломжтой. Өөр улсад эвдэх болон давтах боломж байхгүй. Учир нь Берлиний л цаг агаар, зам дээр энэ амжилтыг эвдэж болно. Бусад газар боломжгүй. Өрсөлдөгчийн тухайд Африкийн тамирчид байлаа. Харин сүүлийн үед Кенийн тамирчдыг өндөр хөгжилтэй улсууд худалдаж аваад өөрсдийн нэр дээр гүйлгээд байна. Тэгэхээр өрсөлдөгч чангарч байна гэсэн үг.

-Таныг манай тамирчин болооч гэсэн санал ирж байсан байх. Хаанаас санал тавьж байв?

-Ази болон Европын хоёр улсаас санал тавьж байлаа. Азийнхийг хэлээд яахав. Гэхдээ Япон бол биш. Тэр нь 2009 он. Дараа нь Англи улс манай тамирчин болооч гэсэн санал тавьж байлаа. Тухайн үед татгалзаж байсан ч гэлээ одоо харамсаж байна. Хэрэв Английн тамирчин болчихсон байсан бол өдийд зардал мөнгөн дээр санаа зовохгүй явах байлаа.

-Тамирчин болооч гэх санал тавихад юу амалдаг юм бэ?

-Тамирчин хүний насан туршийн амьдралын баталгаа өгч байсан. Ер нь их том зүйл амласан л даа. Цалин мөнгө хангалттай өгнө. Хамгийн гол нь гүйхээ болилоо гэхэд насан туршдаа хангалттай амьдрах баталгаатай. Англи улс марафон гүйлтийн сайн тамирчингүй шүү дээ. Одоо хүртэл байхгүй байгаа.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүд тань гүйлтийн тамирчин болох нь уу?

-Би хүү, охин хоёртой. Хүү маань 13-тай. Охин 6 настай. Хүү маань сая өөрийнхөө сонирхлоор “Улаанбаатар марафон”-д гүйсэн. Даанч зохион байгуулагч нарын хариуцлагагүйгээс болоод хэддүгээр байр эзэлснийг нь хэлээгүй байна лээ. Бүртгэж аваагүй гэсэн үг.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

Женнифер Лопес Монголд ирэх үү?

Долоо хоногийн эхээр “Женнифер Лопес Монголд ирж наадмын нээлтэд дуулна. Түүнд нэг сая ам.доллар өгөхөөр болжээ” гэх мэдээлэл нэлээн хүчтэй газар авлаа. Бүр хэдэн өдөр дамнуулан ярьж цахим ертөнцөөр шуугиан тарьж байна. Бүгд л эдийн засаг хүндхэн байхад гадны дуучинд бидний татварын мөнгөнөөс өгөх гэлээ хэмээн зүхэцгээх юм. Яг үнэндээ Женнифер Лопест сая ам.доллар өгөөд аваад ирдэг бол түүн шиг сайхан зүйл алга. Хоёр тэрбум хүрэхгүй төгрөгөөр дэлхийн хөгжмийн ертөнцөд домог болж үлдэх дуучныг аваад ирвэл ямар эерэг үр дүн гарах бол.

Жэй Ло 2012 онд “Dance again” нэртэй дэлхийг тойрох аялан тоглолтоо хийж байлаа. Ази дахь тоглолт нь арваннэгдүгээр сарын 24-нд Шанхай хотноо болсон юм. Тэр тоглолтыг үзэхээр Монголоос олон хүн явсны нэг нь би. Шанхай явахаар долоо хоногийн өмнө онгоцны тасалбар захиалахад суудал олдохгүй сандарч байлаа. Монголоос тэгж олон хүн явсан хэрэг. Хилийн цаана болж байгаа болохоор Шанхай хотыг давхар үзнэ гэж төлөвлөөд явсан. Гурав хоногийн өмнө очоод зочид буудалд байрлан хотоор өдөржин зугаалж байлаа. Энэ нь эргээд л Шанхай хотод хөрөнгө оруулж байгаа хэрэг. Шанхайд болсон тоглолт тэндхийн “Мерседес Бенз арена”-д болж байв. Уг цэнгэлдэх хүрээлэн 18 мянган хүний суудалтай. Тасалбар нь суудлынхаа зэрэглэлээс хамаараад 60-350 ам.долларын үнэтэй байсан. Тасалбараа цахимаар борлуулсан болохоор хэдхэн хоногийн дотор дуусаж байлаа. Харин тоглолт болохоос гурав, дөрвөн цагийн өмнө шагийн наймаачид 150 ам.долларын тасалбарыг хоёр нугалсан үнээр зарж байсан юм даа. Хамгийн гол нь түүний тоглолтыг Хятадууд голдуу үзэх байх гэсэн таамаглал минь тоглолтын танхимд ороод л замхарсан. Жэй Лог үзэхээр Монгол, Энэтхэг, Орос, Солонгос, Япон, Тайвань, Сингапураас олон мянган хүн Шанхайд иржээ. Тэд бүгдээрээ Жэй Логийн тоглолтыг үзэх гэж ирсэн ч гэлээ нэгэнт ирснийх гээд Шанхай хотоор зугаалах нь гарцаагүй. Нэг хүн дор хаяж гурав хоноод буцна гэхээр хэчнээн юань үлдээгээд гарах вэ гэдгийг тооцоод үзчихээрэй. Бас 18 мянган хүний талаас илүү нь гаднаас очсон гэхээр тэр хэрээр Хятадын агаарын тээврийнхэнд орлого оруулсан байж таарах нь. Харин манайд ирээд, бид зөв менежментээр ажиллаж чадвал тэр горойгоод байгаа сая ам.доллараас хэд дахин илүүг Монголд “өгчихөөд” яваад өгөх боломж бий. Дээрээс нь Монголыг дэлхий даяар сурталчлах бас нэг сайхан боломж гарч ирэх юм.

Харин түүнийг урьсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Ямар ч байсан өөрийнх нь албан ёсны цахим хуудсанд зургаа, долдугаар сард тэр чигтээ АНУ-ын Лас Вегас хотноо тоглолттой байх юм билээ.

Женнифер Лопес бол өнөөгийн дэлхийн хөгжмийн ертөнцөд дэндүү хол тасарчихсан карьертай дуучин. Тайзан дээр олон жил дуулж байгаа ч гэлээ түүнээс уйдаж байгаа хүн алга. Зургаан жилийн өмнө түүнийг 40 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэж байхад нь “Жэй Ло-гийн үе ингээд дууслаа даа” хэмээн шуугиж байлаа. Гэтэл тун удалгүй Пит Бүллтэй хамтран “On the floor” дуугаа гаргасан. Түүний шинэ уран бүтээлийг “Youtube” зэрэг хөгжмийн сайтуудаар 60 сая хүн үзсэн байдаг гэж “Wikipedia” дээр бичжээ. Түүний араас “I’m into you”, “Dance again” дуунуудаа гаргаж дэлхий нийтийг бишрүүлсэн юм. Нас бол зүгээр л тоо гэдгийг уран бүтээлээрээ байнга харуулж байдаг түүнийг үеэ өнгөрөөсөн, хоцрогдсон гэж хэлж боломгүй. Өнгөрсөн жилийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр л гэхэд түүнийг урьж дуулуулсан. Тэгэхээр Жэй Ло Монголд ирж дуулбал дэлхийн, тэр дундаа залуучуудын анхаарал Монгол руу хандах биз ээ.

Тэрээр Грэммигийн хоёр, Латин Грэммигийн хоёр, “American music awards” наадмын гурван удаагийн шилдгээр шалгарч байсан юм. Дуучин бүсгүйн “J.Lo” цомог дэлхий даяар 12 сая хувь борлогдон амжилт тогтоож байсан удаатай.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

Машинаасаа буулгүйгээр KFC-гийн тахиа идлээ

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн зүүн талд шинээр нээгдсэн “KFC”-гийн салбарт “Drive thru” буюу машинаасаа буулгүйгээр үйлчлүүлэх боломжтой болжээ. Машинаасаа буулгүйгээр хэрхэн захиалга өгч, хоолоо яаж авах боломжтойг сурвалжлахаар KFC дээр очив. Гадна нь очиход хоолны газрын зүүн талд автомашинд зориулсан хэсэг байв. Зогсоол хайлгүйгээр сум заасан хэсэг рүү машинтайгаа очлоо. 20 км цагаас илүү хурдлахгүй байхыг сануулсан тэмдэг байрлуулчихаж. Мөн 2.5 метрээс илүү өндөртэй машинтай орж болохгүйг анхааруулжээ. Учир нь орох, тооцоо хийх хэсэгт саравчтай болохоор өндрийн хязгаарлалт хийжээ. Тэнд үдийн цайны өмнөхөн очсон тул дараалалгүй байлаа. Орох хэсэгт бэлэн мөнгөөр үйлчилнэ гэсэн сануулга байхын зэрэгцээ хоолны зурагтай цэс байрлуулжээ. Бяслагтай шарсан төмс 4000, “Найзууд” багц 18500, хос тахиа 8500, “Филле” бургерийн сэт 8500, нэг ширхэг тахиа 5000, хоёр бол 8500, “Снакер” бокс 5500, “Стрипс” 4500 төгрөгийн үнэтэй байв. Машинтайгаа “KFC” рестораны зүүн талаар гарч яваад хойно нь ирэхэд захиалга авах хэсэг байна. Тэнд цонхоо онгойлгоод зогсоход чанга яригчаар захиалга авдаг ажээ. “Сайн байна уу, танд юугаар туслах вэ” гэсээр захиалга авдаг юм байна.

Ингэж захиалга авах хэсэг машины зүүн талд бий. Буруу талдаа жолоотой машинтай мөртлөө дэргэдээ байгаа хүнтэй ярьж байгаа мэт “Найзууд” багц авъя гээд тийм ч чанга биш хэлээдхэв. Захиалга өгч байгаа хэсэгт хүн алга. Тэгсэн мөртлөө “Таны захиалгыг хүлээж авлаа. Та төлбөр төлөх хэсэг дээр ирнэ үү” гэв. Хоёр, гуравхан метр яваад мөнгөө өгөх газар ирвэл рестораны ажилтнууд зогсож байна. Чихэндээ тогтоодог чанга яригч зүүсэн эмэгтэй шилэн цонхны цаанаас үйлчилж байлаа.

Мөнгөө өгөхөд зөрүүлээд захиалгын хуудас өгөв. Түүнийг нь авч зүүн гар тийш эргэн рестораны баруун талд гарахад захиалгаа авах хэсэг байна. Тэндхийн шилэн цонхоор хоолоо авдаг юм байна. Цонхоо онгойлгоод авч явахаар савласан хоолоо авчихлаа.Савлаад уутанд хийгээд өгдөг ажээ. Дотор нь нойтон, хуурай амны цаас, сэрээ, халбага, кетчуп, шүдний чигчлүүр гээд хоол идэхэд хэрэгтэй бүхнийг хийсэн байв. Ингээд л болчихлоо. Машинаасаа нэг ч буулгүйгээр идэхийг хүссэн зүйлээ захиалаад авчихав. Гол нь маш түргэн үйлчилгээтэй ажээ. Хаалгаар нь орж ирснээс хойш таван минут хүрэхгүй хугацаанд захиалгаа авчихлаа. Яарч байгаа үедээ, эсвэл найз нөхдөдөө “KFC”-гийн шарсан тахиа аваачиж өгөхөд амар болжээ.

Машинаа тэндхийн зогсоол дээр тавьж байгаад захиалсан шарсан тахиагаа амтархан идэв. Хаа очиж автомашины зогсоол ихтэй болохоор машинаа байрлуулаад ресторанд орж идсэн ч болох юм байна.

Зогсоол дээр машинаа тавиад хооллох зуур машинаасаа буулгүйгээр үйлчлүүлж байгаа хүний цуваа тасрахгүй байв. Ар араасаа дугаарлан дараалал үүсгэхгүй хэрнээ машин орж ирэхгүй байна гэж байхгүй ажээ. Ихэнх хүмүүс цайныхаа цагаар завгүй байгаа нэгэндээ хоолыг нь дөхүүлж өгөхөөр ирдэг юм байна. Бас гэртээ амарч байгаа үр хүүхдүүддээ шарсан тахиаг халуунаар нь аваачиж өгөхөд хялбар болжээ. Машинаасаа буулгүй захиалга өгч байгаа залуутай уулзахад “Бусад газар очихоор зогсоол олдохгүй хэцүү байдаг. Энд машинаасаа буулгүйгээр үйлчлүүлэх амар байна. Хамгийн гол нь хурдан юм” гэж байлаа.

Машинаасаа буулгүйгээр хоол идэх, дэлгүүрээс хэрэгтэй зүйлээ авах үйлчилгээ 1930-аад оны үед АНУ-д үүсчээ. Жордин Мартин гэх залуу тодорхой бүлэг хүмүүст зориулан машинаасаа буулгүйгээр хэрэгтэй зүйлээ авах үйлчилгээг санаачилж байсан юм байна. Энэхүү үйлчилгээ эхэндээ газар аваагүй хэдий ч сүүлийн 10 жилд АНУ төдийгүй дэлхийн олон улсад ихээхэн дэлгэрч байгаа юм байна.

С.АЛТАН

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Өндөр зэрэглэлийн “Шангри Ла” зочид буудал ажиллаж эхэллээ

Дэлхийд алдартай тансаг зэрэглэлийн “Шангри Ла” зочид буудлын Улаанбаатар хот дахь салбар өнөөдөр албан ёсны нээлтээ хийж байна. Тус буудал нийт 21 давхар. Өндөр зэрэглэлийн дөрвөн төрлийн өрөөтэй бөгөөд одоогоор хоёр ангиллын өрөөнд зочдоо хүлээж авч эхэлжээ. Энгийн өрөөнүүд нь 42 м.кв, люкс нь84 м.кв талбайтай. Өрөөнүүд нь дандаа модон тавилгатай бөгөөд утасгүй интернэт, ажлын ширээ, гантиг чулуун угаалгын өрөөтэй. Буудлын ор “Siemens” брэндийнх бөгөөд зөвхөн “Шангри Ла” зочид буудлын хэрэгцээнд зориулан үйлдвэрлэдэг юм байна. Нэг ёсондоо уг зочид буудлынхтай яг ижил орыг хаанаас ч худалдан авах боломжгүй. Мөн ор хөнжлийн цагаан хэрэгсэл, гар нүүрний алчуур, хөнжил зэргийг зөвхөн өөрсдийн хэрэгцээнд тулгуурлан тусгай захиалгаар хийлгэдэг гэсэн. Саван, шампунь ч гэсэн ялгаагүй. Тансаг брэндүүдийн нэг болох “L’Occitane” Шангри Лагийн зочдод зориулан бүтээгдэхүүнээ гаргадаг ажээ. Өрөөнүүдийн дотоод засал Монголын уламжлалт загварын хэв шинжийг орчин үеийн загвартай хослуулсан байв. Хана хэсгээрээ монгол үндэсний хээтэй байхад гэрэлтүүлэг нь сүүлийн үеийн загвартай байх жишээтэй. Ихэнх өрөөнүүд тагттай болохоор төв талбай, хүүхдийн паркийг харах боломжтой юм билээ. Үнийн тухайд энгийн өрөөнд нэг хоноход 215 ам.доллар, люкс бол 310 ам.доллар. Удахгүй дээд зэрэглэлийн өрөөнүүдээ ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна. Эднийд байрлах гэж байгаа гадна, дотны зочид интернэтээр бүртгүүлэн өрөөгөө захиалж болно. Ирсэн зочдыг монгол үндэсний хувцас өмссөн ажилтнууд угтаж авах бөгөөд ачаа тээш оруулах, бүртгүүлэх зэрэгт туслах ажээ. Бас өндөр зэрэглэлийн үйлчилгээ авахыг хүссэн зочдодоо “Хорайзон” клубыг санал болгодог юм байна. Тус клубээр үйлчлүүлж байхдаа зочид буудалд байрлах, гарах бүртгэлийг хурдан шуурхай хийлгэх боломжтой. Дээрээс нь клубээр үнэ төлбөргүй үйлчлүүлэн өглөөний цай, коктейль, зууш, ундаа, ус зэргийг хүссэнээрээ авч болно. Мөн зочид буудлын уулзалтын өрөөг өдөр бүр хоёр цагийн турш ашиглах эрхтэй байдаг байна.

Тус буудалд “Шангри Ла Боллрүүм” гэж бий. Нийт 1300 м2 талбайтай уг зааланд хурал, чуулган болох тэмдэглэлт арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжтой юм. Түүнээс томоохон талбайд арга хэмжээ зохион байгуулахыг хүсвэл 2643 м2 талбай гаргаж өгөх боломжтой гэсэн. Хурим найр, шинэ жилийн цэнгүүн зэрэг олон хүнийг хамарсан тэмдэглэлт баяруудаа Шангри Лагийн танхимд зохион байгуулах боломж хүн бүрт бий.

Зочид буудал дотор уушийн дөрвөн төрлийн газар бий. Хоёрдугаар давхарт Европ хоолны “Наадам” ресторантай. Эндхийн тогооч нь Шангри Лагийн бусад орны салбаруудад 13 жилийн турш ажилласан Швейцарь хүн гэсэн. Хоолны цэсэнд төрөл бүрийн стейкээс авахуулаад салат, зууш, нэг, хоёрдугаар хоол бий. Үнэ нь дунджаар 21 мянган төгрөг. Бас “Парк” кафед хооллохоор ирсэн зочид тогоочийн нэрийн хоолыг идэж болно. Мөн олон үндэстний хоолнуудаас сонгон идэх боломжтой юм билээ. Энэ сарын 17-ныг хүртэл гурван хүний үнээр дөрвүүлээ хооллох урамшуулал зарлаж байгаа юм байна. Нээлтийн арга хэмжээнд зориулсан энэхүү урамшуулалд хамрагдаж буфетээр үйлчлүүлэхийг хүсвэл нэг хүний 33 мянган төгрөг төлөөд “Парк” кафед хүссэн бүхнээ идэж болно гэсэн. Онцлох зүйл нь өвөрмөц хэлбэрийн задгай гал тогоотой. Тэгэхээр зочид тогооч нар хэрхэн хоолоо бэлтгэхийг болон ямар ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгааг харж болно. Зочинтой хамт яваа зургаан наснаас доош настай хоёр хүүхэд бүх л өдрийн турш үнэгүй хооллох эрх эдэлнэ. Гурав дахь хүүхэд болон 6-12 насныхан 50 хувийн хөнгөлөлттэй хоолоор үйлчлүүлэх ажээ. Харин бээжин нугас зэрэг Хятад үндэсний хоолоор үйлчлэх “Хутун” ресторанаа ирэх наймдугаар сард нээхээр төлөвлөжээ. Зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах лобби лоунжоор үйлчлүүлж байгаа хүмүүс 15 мянган төгрөг төлөөд хөнгөн зууш, амттанаар үйлчлүүлэх боломжтой юм байна. Энд нийслэл хотын өөр хаана ч байхгүй гурван метрийн өргөнтэй болор лааны суурин гэрлэн чимэглэл байрлуулжээ. Эргэн тойрны хана чулуун бөгөөд дээр нь үндэсний хэв шинжийг шингээсэн хээ, зураг дүрсэлсэн байв. Гэрлийн бүрхүүл нь л гэхэд ангийн эвэр бүхий дүрстэй. Үүгээрээ монгол үндэстний дайчин баатрын сүр сүлдийг илэрхийлэхийг зорьжээ. Ресторан, кафе, лоунжуудаас гадна бүрэн тоноглогдсон чийрэгжүүлэх клуб ажиллана гэсэн. Эндхийн багш нар зочдын биеийн жингээ барих, эрүүлжих, чийрэгжих, алжаал ядаргаагаа тайлахад туслах зорилгоор богино хугацааны хөтөлбөр санал болгож байгаа юм байна. Дотроо уурын болон хуурай саун, жакузи, алжаал тайлах массажны өрөөтэй болохоор холоос ирсэн зочдын ядаргааг хэдхэн цагийн дотор тайлах юм билээ.

Хонгконг улсад төвтэй дэлхийн хамгийн дээд зэрэглэлийн Шангри Ла зочид буудал нь олон улсад 90 гаруй салбартай. Тэдгээр нь 37 мянган өрөөтэй юм байна. “Чин сэтгэлээсээ зочломтгой байя” уриатайгаар сүүлийн 40 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд Филиппин, Камбож, Хятад, Энэтхэг, Шри Ланк, Мьянмар зэрэг улсын хөгжлийн бодлого дээр хамтран ажилладаг ажээ.

Зочид буудлын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хэрэгслийг давхар ашигладаг юм байна. Мөн утасгүй интернэттэй лимузин машин хөлсөлж болох ажээ. Түүнээс гадна угаалга, хувцас цэвэрлэгээ, гутал өнгөлгөө, мэдээллийн технологийн тал дээр туслах, гадаад валют солих үйлчилгээтэй. Хэрэв хүсвэл нисэх онгоцны буудлаас тосуулж, үдүүлэх боломжтой.

Зочид буудлын залгаа хэсэг болох Шангри Ла төв ирэх онд ашиглалтад орох ажээ. Тэнд тансаг зэрэглэлийн орон сууц, бизнес төв, үзвэр үйлчилгээний төв байрлах юм байна. Нийт 28 давхар барилгатай байх бөгөөд нэгээс дөрвөн давхарт нь үйлчилгээний төвүүд байрлана. Мөн дотроо усан сан, жакузи, саунтайгаас гадна хүүхдэд зориулсан хоёр давхар тоглоомын талбайтай 7200 м2 спортын цогцолбор баригдах ажээ.

“Шангри Ла” зочид буудлын Улаанбаатар дахь салбарт одоогоор гадны 20, Монголын 250 гаруй хүн ажиллаж байгаа ажээ. Өөрсдийнхөө цахим хуудсанд нээлттэй ажлын байрны зарыг тавьсан бөгөөд шаардлага хангаж байгаа хүмүүсийг аижлд шалгаруулан авч байгаа гэнэ.

С.АЛТАН