Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хонхны дуу”-нд хонзогнож байгаа мэт социализмын үеийг санагдуулсан нээлт боллоо

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадам дууслаа. Арслантай, харцагатай, начинтай наадмын сонин сайхныг зон олон ам дамжуулан ярьж байна. Бөх нь хүчтэй, морь нь хурдтай, харваачид нь мэргэн байсан монгол наадмын нээлт олны сэтгэлд нийцсэнгүй. Өнгөрсөн жилийн наадмын нээлтийг төрийн соёрхолт Д.Сосорбарам найруулж “Хонхны дуу”-г эгшиглүүлсэн. Ардчиллын салхийг Төв цэнгэлдэх хүрээлэнд нэгэнтээ сэвэлзүүлсэн “Хонхны дуу”-нд хонзогнож байгаа мэт социализмын үеийг санагдуулсан нээлт энэ жил боллоо. Социализмын үед яадаг байсан бэ гэхээр яг энэ жилийн наадмын нээлт шиг дунд сургуулийн хүүхдүүд улаан, хөх өнгийн туг бариад гимнастик хийдэг байв. Тэдний араас гарч ирсэн зургаан талт саравчтай малгай, мөрөвчтэй өмд өмсөн бүжиглэх хүүхдүүд хуучин нийгмийн ажилчин ангийг эрхгүй санагдуулж байна лээ. Тухайн үед залуус яг ингэж хувцаслаад сангийн аж ахуй, гутлын үйлдвэрт ажилладаг байсан. 1990 оноос өмнөх Улаанбаатарын амьдралыг өнөөдрийнхтэй харьцуулбал бид диваажинд амьдарч байгаа. Дуртай дэлгүүр рүүгээ ороод хүссэнээ худалдан авч байна. Хэн дуртай нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг эрх чөлөө ханхалсан нийгэмд амьдарч байгаа. Аль ч намын, ямар ч даргаас эмээлгүйгээр эрх дураараа амьдрах ардчилсан нийгэмд аж төрж байна. Амьдрал ийм гоё байхад амбасын үеийн хуучин машин гаргаж ирдэг нь ямар учиртай юм бэ. Техник, технологийн эрин зуунд хамгийн сүүлийн үеийн машинаар өрсөлдөж бусдадаа гайхуулдаг. Хуучин машин сонирхуулах гэж байгаа бол “Форд”, “Порше”-гийн анхны загвараар олны нүдийг хужирладаг юм. Түүнээс биш малчин айлын гадаа хэвтэж байдаг “УАЗ-469”, “Волга”-г сонирхохгүй. Эсвэл эдгээр машины үед амьдрал гоё байсан гэх гээд байгаа юм уу. Найруулагч дээрх санаагаар яг ямар утга илэрхийлэх гээд байгааг ойлгосонгүй.

Өрнөл хэсэгт мөн л хэдэн сурагч гаргаж ирээд бөмбөрийн тоглолт үзүүлнэ лээ. Аагим халуунд хүзүүнээсээ тэр том бөмбөр зүүсэн хүүхдүүдийг талбайн төвөөр ааг амьсгаагүй гүйлгэж байгаад тоглуулсан. Солонгосчууд л цагаан сар, ургацын баяр зэрэг хамгийн том баяраараа бөмбөр нүдэн хөгжилддөг. Монголчууд гэнэтхэн бөмбөр нүдээд эхэлсэн нь наадмын нээлтийн арга хэмжээнд зөвлөхөөр ирсэн солонгос найруулагчтай холбоотой байх. Монгол наадмын нээлтийн арга хэмжээн дээр зөвлөгөө өгнө үү гэж солонгос хүн урьж авчирсан юм билээ. Тэр найруулагчийн сэдлээр Төв цэнгэлдэх хүрээлэнд бөмбөрийн дуу нижигнэжээ. Соц үеийн амьдралыг тольдон харсны дараа ингэж бөмбөр нүдэх нь яг л хойд Солонгост байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Тэндхийн баярууд л манай наадмын нээлт шиг болдог байх. Гэтэл бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа орчин үеийн хүмүүс. Ардчилсан нийгэмд төрж, өссөн залуустай улс. Манай залуучууд гадны аль ч улс үндэстнээс дутахгүй мэдлэгтэй, боловсролтой, соёлтой болсон. Тэдэнд хуучин нийгмийн биш, шинэ үеийн наадмын нээлт үзүүлэх хэрэгтэй байлаа. Уг нь төрийн наадмын нээлтийн арга хэмжээ монгол хүний омогшлыг төрүүлж байх ёстой. Үндэсний ёс заншил, өв соёл, ардын урлагаараа түмэн олноо баясуулан цэнгүүлж баяр, бахдлыг нь төрүүлэх байв. Гэтэл энэ жилийн наадмын нээлт монгол хүн гэдгээрээ бахархах бүү хэл хуучин нийгмийн үнэр ханхлуулчихлаа. Наадмын нээлтийг бид төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гадныхан үзэж, олон улсад нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд дамжуулсан. Тэд хараад юу гэж ойлгох вэ. Монгол Улс өнөөдрийг хүртэл социалист нийгмээсээ салаагүй юм байна гэж дэлхий нийтэд цацах нь байна. Тэгэхээр Монгол Улсыг ийм маягаар олон улсад сурталчлан таниулахаа больё.

Монгол хүн болж төрснөөрөө омогшиж бахархах төрт ёсны их баяр наадмыг хойшдоо ингэж хийдгээ болимоор байна. Он удаан жилийн түүхийн хуудсыг орчин үетэй хослуулж чадах шинэ, залуу найруулагчаар нээлтийн арга хэмжээг удирдуулъя. Залуус шинэлэг санаа, хөг найруулгатай наадмын нээлтэд ухаан бодлоо уралдуулах хэрэгтэй. Бүр найруулагч нарын дунд хэдэн сарын өмнөөс уралдаан зарлахад болохгүй гэх зүйлгүй. Үзэгч олны сэтгэлд хоногших тийм сайхан нээлтийн хөтөлбөрийн уралдаан зарлаад түрүүлсэн найруулагчаар удирдуулж болно. Төрийн наадмын найруулагчаар ажиллах эрх авахын тулд уран бүтээлчид оюун ухаан, уран сэтгэмжээрээ өрсөлдөг. Олон хүний дундаас шалгарч гарч ирсэн шилдэг найруулагчийг алдаршуулахын зэрэгцээ өндөр шагнал өгч болно. Заавал мөнгө төгрөг гэхгүйгээр урамшуулж болно шүү дээ. Гадаадын аль нэг улсад эх орноо сурталчлах өдөрлөгийн үеэр өөрийн найруулсан жүжгээ тавих эрх өгвөл уран бүтээлчид баярлах нь гарцаагүй. Тэртэй тэргүй гадны улсад болж буй Монголын өдөрлөгийн үеэр урлаг, соёлын баахан арга хэмжээ болдог. Тэнд оролцох уран бүтээлчдийг төсвийн мөнгөөр авч явдаг юм чинь болохгүй гэх зүйлгүй. Бүр эсвэл улсын мэдэлд байдаг заал, танхимд тоглолтоо зохион байгуулах эрх олгож болно. Найруулагч нарын дунд тодорхой хэмжээний өрсөлдөөн бий болгож тэндээс шалгарсан шилдгүүдээр монгол наадмын нээлтийн арга хэмжээг удирдуулдаг болох хэрэгтэй. Харин шалгарсан найруулагчийн зөвлөхөөр олон жилийн туршлагатай хашрууд ажиллахдаа дургүйцэхгүй болов уу. Ингэж төрт ёсны их баяр наадмын өнгийг тодорхойлох нээлтийн арга хэмжээг шинэчлэхгүй бол хүн үзэх юмгүй болох нь байна.

Categories
мэдээ цаг-үе

Аяны майхан дөрвөн хүнийх нь 250 мянган төгрөгийн үнэтэй байна

-АЯЛЛЫН ДЭЛГҮҮРҮҮДИЙН ХЯМДРАЛТАЙ, БЭЛЭГТЭЙ ХУДАЛДАА ЭХЭЛЖЭЭ-

Монголчуудын их амралтын цаг эхэлж байна. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө хөдөө явж амрах гэж буй хүмүүст зориулан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон аяллын дэлгүүрээр орлоо. “Зуны зугаатай өдрүүд-2015” аяллын хэрэгслийн хамгийн том үзэсгэлэн худалдаа “Дүнжингарав” худалдааны төвийн задгай талбайд болж байна. Энд майхан, асар, аяны хөнжлөөс эхлээд аялалд хэрэгтэй бүхнийг нэг дор худалдаалж байв. Майхан л гэхэд хаана үйлдвэрлэсэн, хэдэн хүнийх гэдгээс хамааран олон сонголттой. Хонконгт үйлдвэрлэсэн, дөрвөөс зургаан хүний майхан 250-620 мянган төгрөгийн үнэтэй ажээ. Солонгосынх мөртлөө 2-4 хүн хонож болохоор майхан 150-300 мянган төгрөгийн хооронд байсан. Анзаараад байхад энэ зун худалдаанд гарч буй ихэнх майхнууд тусдаа тасалгаатай, сүүдрэвчтэй байна лээ. Хоёр хүнийх ч бай унтлагын хэсэг тусдаа, үүд хэсэгтээ сүүдрэвчтэй ажээ. Үргэлж биш, тусдаа тасалгаатай ийм майхан зуны халуунд сэрүүхэн байдаг гэнэ. Бас хоёр талдаа цонхтой бол салхи нэвт үлээдэг учраас агаарын солилцоо сайн явагддаг гэж борлуулагч нар зөвлөв. Ер нь майхан худалдаж авах гэж байгаа хүмүүс хоёр талдаа цонхтой, шалтайг сонгоорой гэж байсан. Худалдан авагчид сүүдрэвчтэй майхан авбал барихад хэцүү байдаг гэж боддог хэдий ч сүүлийн үеийн ямар ч майханг хоёр хүн хамжаад таван минутад л босгохоор ажээ. Аагим халуунд майхнаа сэрүүхэн байлгая гэвэл голоос нь ууттай ус зүүчихэд сэрүү татаад сайхан байдаг гэнэ. Бас тодорхой хэмжээгээр агаарыг чийгшүүлдэг болохоор бага насны хүүхэдтэй аялж яваа хүмүүс санаж явахад илүүдэхгүй гэж байлаа. Иймэрхүү зөвлөгөөг майхан зарж байгаа хүмүүс харамгүй өгч байв.

Эндхийн үзэсгэлэн худалдаан дээр майхнаас гадна асар байна лээ. Аялал, зугаалгаар яваа хүмүүс асар сонирхдог болсон гэнэ. Гол, нуурын эрэг дээр олон хоног амрах гэж байгаа бол дундаж хэмжээтэй асартай байхад нарнаас айлтгүй. Асар хэмжээ болон өнгө, хээнээсээ хамаарч 280 мянгаас 1.2 сая төгрөгийн үнэтэй байна лээ. Өлзий хээтэй, хөх эрээн асар 1.2 сая төгрөг гэж байсан. Нутагтаа наадам зохиох гэж байгаа болон олон хүн цугларсан нийтийн арга хэмжээнд хэрэглэж болох ажээ. Ийм асарт дор хаяж 20 хүн элбэг багтахаар юм билээ. Түүнээс арай багахан шиг буюу 10-15 хүний асар 750 мянган төгрөгийн үнэтэй. Хэрэв гэр бүлээрээ амрах гэж байгаа бол 5-10 хүнд зориулсан сүүдрэвч сонгож болно. Сүүдрэвчүүд 80-320 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Аян замд хэрэгтэй бусад хэрэглэл болох аяны хөнжил 80 мянга, сандал дөрвөн хос нь 60 мянга, эвхэгддэг ширээ 35 мянга, хийлдэг гудас 25-80 мянган төгрөгийн үнэтэй байв.

Улсын их дэлгүүрийн гуравдугаар давхарт байрлах “Аянчин аутфиттерс” дэлгүүрээр орлоо. Эднийх Монголын анхны аяллын дэлгүүрүүдийн нэг. Бусдаасаа ялгарах онцлог нь ан агнуур, загасчлал, уулын аялал зэрэг аяллын олон төрлийн хувцас, хэрэглэл худалддаг. Бас “Columbia sportswear”, “MountainHardwear”, “Merrel”, “CAT” брэндийг борлуулах албан ёсны эрхтэй. Тэгэхээр эдгээр брэндийн барааг харьцангуй хямд үнээр авч болно гэсэн үг. “Browning” брэндийн майхан 189-399 мянган төгрөгийн хооронд байна лээ. Хоёр хүнийх нь 189 мянга, 4-6 хүнийх 399 мянган төгрөг гэж байсан. Эднийд зарж байгаа майхнууд борооны ус нэвтрүүлэхгүй, ямар ч салхинд хийсэхгүй давуу талтай гэж байв. Бас барихад маш амархан байдлаараа давуу талтай гэсэн. Аяны хөнжил буюу мешок хоёр хүнийх нь 460-590 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Тус дэлгүүрээс ууланд алхахад зориулсан гутал, усны хувцас, загас агнуурын хэрэгсэл тэргүүтэй аялалд хэрэгтэй ихэнх зүйлээ базааж болохоор юм байна лээ. Аяллын дэлгүүрүүд дундаа боломжийн үнэтэйд тооцогдож байгаа нь “Аяны дэлгүүр”. Ардын эрхийн хажууханд байх уг дэлгүүр онлайнаар худалдаа хийдэг давуу талтай. Хүсвэл худалдаж авах бараагаа дэлгүүр дээрээс нь очиж үзээд интернэтээр захиалж болно. Хотын аль ч хэсэгт нэмэлт төлбөргүйгээр хүргээд өгчихдөг болохоор овор ихтэй бараа авахаар төлөвлөж байгаа хүмүүст хэрэгтэй байж магадгүй юм. Эднийд бусад аяллын дэлгүүрийн нэгэн адил зугаалгаар явахад хэрэгтэй бүхэн бий. Герман, Солонгос, Хятадад үйлдвэрлэсэн майхнууд өргөн сонголттой байна лээ. 2-3 хүнийх нь 120-230 мянга, 3-5 хүнийх 130-300 мянга, 6-8 хүнийх 250-600 мянган төгрөгийн үнэтэй. Дээрх үнэ бүгд үндэсний их баяр наадамд зориулж хямдарсан байгаа нь гэсэн. Бас баяр наадмын бэлэгтэй худалдаа үргэлжилж байгаа юм байна лээ. Зургаан хүний майхан авбал аяны хөнжил өгөх жишээтэй.Тайваний үйлдвэрийн хийлдэг завь хоёр болон дөрвөн хүнийх гэж бий. Хоёр хүнийх нь 180 мянга, дөрвөн хүнийх нь 290 мянган төгрөг. Хийлдэг завь авбал сэлүүр, насос нь дагалдаж ирнэ гэнэ. Үүн дээрээ нэмээд баяр наадмын урамшуулал болгон хоёр ширхэг аврах хантааз өгч байгаа юм байна. Хийлдэг завинаас гадна хийлдэг гудас өргөн, нарийн янз бүрийн сонголттой байсан. Хүүхдүүд болон өндөр настнаа дагуулан аялах гэж байгаа бол нэг хийлдэг гудас авчихад гэмгүй. Ийм гудастай байхад доороосоо чийгэнд цохиулна гэж айлтгүй гэсэн. Майхандаа дэвсэж унтахаас гадна машин дотроо тавьбал гэртээ орон дээрээ унтаж байгаа мэт тав тухыг мэдрүүлэх ажээ. Сүүлийн үеийн хийлдэг завь, гудас зэргийг сайн чанарын материалаар хийдэг болсон болохоор хэр баргийн үзүүртэй зүйлийг тэсээд гарч чадахаар болсон гэнэ. Мөн олон хоног аялал зугаалгаар явах гэж байгаа хүмүүст зориулан аяны хөргөгч зарж байв. Хонины өрөөл мах элбэг багтахаар хөргөгч 250 мянган төгрөгийн үнэтэй. Сайн хөлдөөсөн махыг уг хөргөгчинд нэг хийсэн байхад тав хоногтоо гэсэхгүй гэж байна лээ. Хөргөгчнөөс гадна газан плитка 39 мянга, аяны үүргэвч 80 мянга, мах шарагч 250 мянга, дөрвөн сандалтай эвхдэг ширээ 120 мянган төгрөгийн үнэтэй байсан.

Ихэнх аяллын дэлгүүрүүд үндэсний их баяр наадамд зориулан 10-30 хувийн хямдрал зарласан байгаа болохоор наймдугаар сарын 1-нээс өмнө хэрэгтэй зүйлээ авах боломжтой байгаа юм байна лээ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Тэмүүлэнгийн өсгий цагаан халтар азарга түрүүллээ

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан уламжлал ёсоор долдугаар сарын 10-нд эхлэв. Шүдлэнгийн уралдаанаар наадам эхлэх үед газар, газраас ирсэн 228 шандаст хүлэг бүртгүүлсэн хэдий ч 137 нь хасагдаж, 91 шүдлэн гарааны зурхай руу хөдөлсөн юм. Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооныхон үүлдэрлэг байдлыг үндэслэн 137 шүдлэнг хассан. Үүнд уяачид бухимдан “Шүдлэнгийн уралдааныг дахиж зохион байгуулах тухай гомдлыг зохих газарт нь гаргана. Дахин хэмжилт хийлгэмээр байна” гэж байлаа. Бусад насны морьдын уралдаан дээр ч гэлээ эрлийз гэх шалтгаанаар хассан тохиолдол олон байв. Гэхдээ “Түрүүлж, айрагдсан морьд дунд эрлийзүүд олон байгаа. Мөнгөтэй хүмүүс комиссын гишүүдэд таван сая төгрөг өгч морио уралдуулж байна. Эгэл жирийн уяачдад тийм хэмжээний мөнгө байхгүй болохоор эрлийз гэх шалтгаанаар хасууллаа” гэх яриа Хүй долоон худагийн Цагаан хөтөлд өрнөж байна лээ. Бас мөнгөтэй, мэдэлтэй эрхмүүдийн эрлийз морины оронд жирийн уяачийн монгол морийг сугалж хассан гэж бухимдах хүмүүс олон байсан юм.

Азарга-172 (193 бүртгүүлж 172 мордов)

1. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн Өсгий цагаан халтар азарга түрүүллээ.

2. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн уяач Ононгийн Батболдын хээр азарга аман хүзүүдлээ.

3. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Монгол Улсын Манлай Уяач Ононгийн Батбилэгийн “Янзага” зээрд.

4. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун.

5. Ховд аймгийн Мянгад сумын уяач Загджавын Мэндсайханы хээр.

6. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Гордоогийн Доржпүрэвийн хонгор.

7. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул Монхоодойн Жаргалсайханы хул алаг.

8. Дорнод аймгийн Халхгол Сумын Алдарт Уяач Занданбалын Хилийнхүүгийн хонгор.

9. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уяач Эрдэнэбатын Цогтсайханы бор.

10. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Паламын Гөлгөөгийн буурал духт.

Их нас-321

1. Ховд аймгийн Мөст сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Буднямын Буяннэмэхийн хээр халзан.

2. Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн өсгий цагаан зээрд.

3. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын шарга.

4. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийн хамар цагаан халтар.

5. Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уяач Алтангэрэлийн Батбаатарын саарал.

6. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Эрчим хүчний дэд сайд Өлзийхутагийн Пүрэвбаатарын загал.

7. Төв аймгийн Баян сумын уугуул аймгийн алдарт уяач Хэнгэрэгийн Цогтсайханы цавьдар халзан.

8. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул Сүхийн Балдандоржийн хонгор.

9. Архангай аймгийн Хотонт сумын уяач Гантулгын Эрдэнэбаярын хээр.

10. Дундговь аймгийн Хулд сумын уяач Сосорын Мөнхбатын хүрэн.

СоЁолон-196 (264 бүртгүүлж 196 мордов)

1. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын зээрд.

2. Аман хүзүүнд Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул аймгийн алдарт уяач Хуягбаатарын Пүрэвдоржийн зээрд.

3. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул Пүрэвийн Сэргэлэнгийн хээр.

4. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Ж.Рэнцэнпүрэвийн хонгор халзан.

5. Булган аймгийн Могод сумын уугуул Нямцэрэнгийн Базаргарьдын хээр.

6. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбатын зээрд.

7. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Мижидийн Ганболдын хээр.

8. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Адъяагийн Мөнхбаярын хээр.

9. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул аймгийн алдарт уяач Лантуугийн Алтанхуягийн хээр.

Хязаалан-260

1.Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул аймгийн Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын Загал

2.Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул аймгийн Алдарт уяач П.Одонбаатарын Халиун

3.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат уяач Мягмарсүрэнгийн Сартай хүрэн

4.Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Бадраагийн борлог

5.Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзан

6.Төв аймгийн Баянжаргалан сумын Б.Мөнхтүвшингийн хонгор халзан

7.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул С.Дамбажавын хээр

8.Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул Д.Ганхуягийн сартай халтар

9.Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Л.Чинбатын буурал

10.Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Л.Чинбатын хүрэн халзан тус тус хурдалжээ.

Шүдлэн-91 (228 бүртгүүлж 91 мордов)

1. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Эрдэнэбулганы хонгор.

2. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Д.Хишигжаргалын зээрд халзан.

3. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Баярсайханы Лхагва-Очирын хүрэн.

4. Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, уяач Б.Баярдоржийн Зурвас хүрэн

5. Ховд аймгийн Мянгад сумын уугуул, З.Мэндсайханы хүрэн

6. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Д.Дэмчигцогийн зээрд

7. Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач З.Жавхлангийн Дуурсан халтар

8. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул Д.Уламбаярын Туулай халтар

9. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул Д.Содбаярын халтар

10. Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Ганхуягийн хул тус тус түрүүлж, айрагдлаа.

Даага-161 (237 бүртгүүлж 161 мордов)

1. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр

2. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, уяач Бадамгаравын Бадраагийн хүрэн халзан

3. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, уяач Магсарын Ариунбатын хээр

4. Төв аймгийн Баян сумын уугуул, МУ-ын Манлай уяач Миеэгомбын Энхболдын хүрэн

5. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Адъяагийн Баярмагнайгийн хонгор тус тус хурдалжээ.

Эрлийз дээд нас-59

1. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Дагвадоржийн Жамъяны халиун.

2. Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Лувсандагвын Эрдэнэбаатарын хул.

3.Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Сундуйн Лувсанбалдангийн халтар.

4.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Намжилсүрэнгийн Даш-Өлзийгийн хонгор.

5.Төв аймгийн Борнуур сумын харьяат аймгийн Алдарт уяач Баярмагнайн Ганбатын хар.

Эрлийз дунд нас-92

1. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Ононгийн Батбилэгийн Үзмэн бор.

2. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул Лхагвын Отгонбаатарын хур зээрд.

3. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Ширнэнгийн Шижирбаатарын зээрд халзан.

4. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Монгол Улсын Алдарт уяач Бат-Очирын Цэрэнбалтавын хул.

5. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Мижидийн Ганболдын хар алаг.

Эрлийз бага нас-61

1. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Эрчим хүчний дэд сайд Өлзийхутагийн Пүрэвбаатарын бор халзан.

2. Төв аймгийн Заамар сумын уугуул Мяасүрэнгийн Энхтайваны халтар.

3. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн сартай халтар.

4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Цэндийн Гансүхийн хар.

5. Төв аймгийн Жаргалантын Энхбатын Эрдэнэсайханы хүрэн хурдалжээ.

Categories
мэдээ цаг-үе

Сүлд хийморийн бэлгэдэл цагаан тугийг залах шарга морьдыг сурвалжлав

“Өдрийн сонин”-ы долдугаар сарын 9-ны өдрийн дугаарт хэвлэгдсэн сурвалжлагыг хүргэж байна. Төрийн есөн хөлт цагаан тугийг залах ёслолд хэрхэн бэлдэж байгааг энэ сурвалжлагаас уншина уу.

Монгол төрийн их баяр наадмын бэлгэдэл есөн хөлт цагаан тугийг залах шарга морьдын бэлтгэл ханажээ. Төрийн торгон сүрэг Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд байдаг бөгөөд зургадугаар сарын 13-нд Шажин хурахын аманд ирсэн байна. Тэнд бүтэн сарын турш бэлтгэл хийж байгаад гурав хоногийн өмнөөс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд буужээ. Наадмын өглөөг хоног тоолон хүлээж байгаа тэднийг сурвалжлахаар очиход морьдоо усанд оруулж байв. Туул голын эрэг дээр морьдоо барьчихсан нэг, нэгээр нь ээлж дараалан угаах ажээ. Мал амьтанд зориулсан саван, шампуниар бүгдийг нь сойздон угааж байлаа. Дэл сүүл, ар нурууг нь голд зогсоож угаачихаад дөрвөн туурайг нь гаргаж ирээд сойздож байв. Хоёр цаг гаруйн хугацаанд ингэж усанд оруулахад морьд өнгө ороод л явчихдаг юм байна. Энэ маягаар наадмын өмнөх өдөр буюу маргааш орой дахиад усанд оруулна гэж байлаа.

Өнөө жилийн тухайд хаа газар гантай байгаа ч төрийн торгон сүрэг эцэж цуцаагүй байв.

Өмнө нь тэжээж байгаагүй болохоор тэжээл өгсөн ч иддэггүй гэсэн. Өвс ногооны шим тэжээл бага байгаа болохоор туг залах есөн моринд тамир тэнхээ нэмэх тариа хийхээр болжээ. Тэгэхгүй бол жирийн үеийнхээс хэд дахин ачаатай явдаг болохоор замдаа цуцах магадлал ихтэй.

Туг залах хүн дунджаар 70-90 кг жинтэй. Үүн дээр морьдоо 15 кг чимэглэлээр тоноглоно. Их туг 36 кг жинтэй гээд бодохоор 130 гаруй кг ачаатай Чингисийн талбайгаас Төв цэнгэлдэх хүрээлэн орох амаргүй. Тиймээс холбогдох хүмүүстэй зөвлөлдөн тариа хийхээр болсон гэнэ.

Туг залах хүмүүсийн тухайд урьд өмнөх жилүүдэд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагчдаас гадна хугацаат цэргүүд шинээр нэмэгддэг байсан бол өнөө жил дандаа ахлагч нар оролцохоор болсон байна. Олон улсын энхийг сахиулах арга хэмжээнд оролцож байсан хариуцлагатай, тэргүүний ахлагчийн зургаа нь олон жилийн туршлагатай. Шинээр гурван хүн нэмэгдэж байгаа гэсэн. Тэд уржигдар Төв цэнгэлдэх хүрээлэнд нэгдсэн бэлтгэл хийжээ. Зүлэг ногоон дэвжээний гадуур хүрээлдэг дугуйн асфальтан замыг будсан учраас түүн дээр нь морьд халтираад урагшлахгүй байсан гэнэ. Туг залж явах бүү хэл урагш алхахад бэрх байсан болохоор зүлгэн дээгүүр явахаар болжээ. Зүлэг гэж хиймэл зүлгийг хэлж байгаа. Үүгээр явахад бас л халтирч байгаа ч гэлээ будагтай замыг бодвол арай дээр байгаа гэсэн.

Есөн хөлт цагаан тугийг залах хүлэг морьдыг өнгөрсөн жилээс сэлгэж байгаа. Их тугийг залдаг том шарга морь “төрийн албанд” 14 жил зүтгээд өнгөрсөн жилээс халаагаа өгчээ. Хуучин хонжин (торгон цэргийг залж яваа хүн) ганцаараа цагаан морь унаж, есөн шарга морьд туг залдаг байсныг өнгөрсөн жилээс өөрчилсөн. Уламжлалын дагуу найман шарга, хоёр загал морьтой байхаар болж их тугийг цагаан мориор залдаг болжээ. Нэг ёсондоо Чингисийн эр хоёр загал, найман шаргыг бэлгэдэж ийн өөрчлөлт оруулсан байна.

Торгон цэргүүд өглөө бүр 06 цагт босож бэлтгэлдээ гарна. Таван км газар гүйж ирээд нар хөөрөхөөс өмнө морьтой бэлтгэлээ хийдэг. 032 дугаар анги дэргэдээ 16 хүний бүрэлдэхүүнтэй үлээвэр найрал хөгжимтэй болохоор хөгжимтэй бэлтгэл хийнэ. Ингэж дуу чимээнд морьдоо дасгаснаар Төв цэнгэлдэх хүрээлэнд ороод олны уухайгаас үргэхээргүй болдог ажээ. Морьтой бэлтгэлийг өдөрт хоёр удаа хийдэг бөгөөд илүү удаан хугацаагаар бэлтгэвэл залхуураад идэвхгүй болдог гэсэн. Гэхдээ олон жил туг залж буй морьд зөнгөөрөө бэлтгэлд гардаг болчихдог юм байна лээ. Ядаж л зураг авахуулах үед есүүлээ эгнэж зогсоод сурчихаж. Цэргүүд морьдоо барьж бэлтгэл хийх үеэр өөрсдөө уяа руугаа хүрээд ирдэг юм байна. “Морь ухаантай амьтан шүү. Жилд ганцхан удаа төрийн наадамд туг залдаг хэрнээ бүр дадал болчихсон байдаг юм” гэж цэргүүд ярьж байна лээ. Бас наадмын өдөр гэдсээ татчихдаг гэсэн. Ийм морьд Төв цэнгэлдэх хүрээлэнд ороод учиргүй бааж, шээгээд байдаггүй ажээ. Төрийн есөн хөлт цагаан тугийг залах ёслолын ажиллагааг хурандаа Л.Батболд захирагчтай Зэвсэгт хүчний 032 дугаар анги гүйцэтгэдэг юм. Өнгөрсөн жил тус ангийн 90 жилийн ой болсон бол ирэх сарын 16-нд хүндэт харуулын тусгай рот байгуулагдсаны 60 жилийн ой болох юм байна. Өөрөөр хэлбэл төрийн торгон цэргүүд 60 “нас” хүрч байгаа ажээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дархан аварга А.Сүхбат: Эрэмбийг булааж авдаггүй юм

Монгол Улсын дархан аварга, гавьяат тамирчин А.Сүхбат өчигдөр хэвлэл мэдээллийнхэнтэй уулзлаа. Тэрээр Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны зүүний магнайг хэн манлайлах тухай асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Мөн хэвлэлийн хуралд бөх судлаач Н.Зоригтбаатар, С.Эрдэнэбилэг, эрхзүйч Ц.Ариунболд нар оролцов.

А.Сүхбат: Монголынхоо ард түмэнд удахгүй болох баяр наадмын мэнд дэвшүүлье. Миний хувьд улсынхаа их баяр наадамд зодоглох гээд бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Бэлтгэл сургуулилт жигдрэн торгон ирэн дээрээ ирчихсэн байна. Сүүлийн хорь гаруй хоног Г.Өсөхбаяр аварга бид хоёрын тухай, эрэмбийн талаар маш олон санал, шүүмж гарч байгааг харж явлаа. Эрэмбийг хуйвалдаад, бүлэглээд, эрх мэдлээрээ авдаг жишиг тогтох вий гэх үүднээс хэвлэлийн бага хурал хийж байгаа юм. Та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн жил үндэсний их баяр наадмын хуулинд нэмэлт өөрчлөлт орсны дагуу Далай аварга цолыг чимэг болгож Монгол Улсын далай даян, дайчин дархан аварга цолыг хэвээр нь батлахад Г.Өсөхбаяр бид хоёр дархан аварга цол авсан. 2014 оны долдугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулган Г.Өсөхбаяр аварга бид хоёр есөн хөлт цагаан тугны өмнө дархан аварга цолоо авч байлаа. Үүнд миний бие үнэхээр их баярлаж төр засаг, ард түмнийхээ хайрласан өндөр цолыг дээдэлж байлаа. Таяг тулчихаагүй, бас ч гэж гайгүй настай байхад минь дархан аварга цолыг өглөө гээд маш их урам зориг авсан юм. Цолоо наадмаас дөрөвхөн хоногийн өмнө авсан ч гэлээ улсын баяр наадамдаа зодоглосон. Нэгийн даваа эхлэхэд “Хүчит бөхийн зүүний магнайд дархан аварга Г.Өсөхбаяр, барууны магнайд дархан аварга А.Сүхбат” гэж зарлахад хөтлөгч андуурчихлаа даа гэж гайхаж байлаа. Гэтэл үнэхээр баяр наадмын комисс, салбар хорооныхон, Үндэсний бөхийн холбооны хүмүүс эрэмбийг өөрчилсөн байсан. Тэгэхээр өнөөдрийг хүртэл бөхийн цол чимгийг алдагдуулж, зөрүүлж, хууль зөрчиж байсан тохиолдол байдаг уу гэхээр алга. Түүхэнд тийм алдаа гарч байгаагүй. Монголын үндэсний бөхийн холбооны цол, чимэг олгох дархан эрхийг төр хариуцаад авчихсан байдаг юм байна. Үндэсний их баяр наадмын хуулиар бөхчүүдэд цол, чимэг олгодог ганцхан хүн нь Ерөнхийлөгч. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулган цол, чимэг олгоно. Бас эрэмбийг нь тогтоодог юм. Миний далай аварга чимгийг байнгын хорооноос өргөн бариад УИХ-аар хэлэлцүүлээд Ерөнхийлөгчийн тамгын газарт өгөхдөө судалгаа хийсэн байдаг байлгүй. Миний хувьд их гайхаж байгаа. Хөлс, хүч хөдөлмөрөө үнэлүүлэн сайхан цол авчихсан мөртлөө гэнэтхэн буруутан болсон мэт, хүний цолыг булаагаад авчихсан мэт эвгүй сэтгэгдэлтэй бүтэн жил явлаа. Тэгэхээр энэ асуудлыг нэг тийш нь болгож өгнө үү гэж Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандчихсан байгаа. Одоо хүртэл хариу ирээгүй байна.

Сүүлийн хэд хоног Г.Өсөхбаяр бид хоёрын хэн нь зүүнийг магнайлах вэ гэх маргаан олон нийтийн дунд их явж байгааг би мэдэж байгаа. Бөх сонирхогч, үзэгч түмэн их бухимдаж хоёр талцсан байдалтай байгааг харж байна. Тэгэхээр тодорхой хариу өгөхийг хүсэж байна. А.Сүхбат аварга улсад гурав түрүүлсэн, Г.Өсөхбаяр дөрөв түрүүлсэн болохоор зүүний магнайд гарах ёстой гэж яригдаад байгаа. Зургаан залуу заан барилдаж байх үед буюу 2000 онд би Г.Өсөхбаярын доор эрэмбэлэгдэж байсан. Тэр жил би ес давж түрүүлэн арслан цолонд хүрч байлаа. 2001 оны наадамд арслан цолтой барилдаж ес давахад аварга цолны болзол биелүүллээ гэж зарлаж байсан. Б.Бат-Эрдэнэ аваргатай түрүү, үзүүр булаалдан арав давахад үнэлгээгүй байсан. Арвын даваа үнэлгээгүй байх үед буюу 2006 онд Д.Сумъяабазар арав давж түрүүлэхэд өвөл нь УИХ “А.Сүхбат аваргын арав давсан амжилтыг тооцож далай, даян аварга цолыг өгөхгүй бол Д.Сумъяабазарын аварга цол асуудалтай болох нь байна шүү” гэсэн байдаг. Улмаар 2007 оны нэгдүгээр сарын 13-нд Н.Энхбаяр ерөнхийлөгч төрийн ордонд даян аварга цол олгосон. Үүний дараа далай аварга цол чимэг болсон тул Г.Өсөхбаяр бид хоёрын дархан аварга цол яригдаж эхэлсэн юм. Г.Өсөхбаяр аварга миний дээр эрэмбэлэгдье гэж үзэхээр их сонин зүйл гарч ирдэг юм байна. Би 2006 онд “Энэ нөхдүүд миний цолыг өгөхгүй юм байна. Бөхийн шинэчлэлийг хийхгүй юм бол амьдрахад хэцүү боллоо” гээд зодог тайлсан. Тэрнээс хойш барилдаагүй юм чинь надад амжилт байхгүй шүү дээ. Өмнөхийг тооцоод үзэхээр би 2004 онд Монгол улсын дархан аварга цолны болзлыг биелүүлсэн байдаг. Тэгэхээр Г.Өсөхбаяр аваргыг миний дээр эрэмбэлье гэхээр 2004 оноос өмнөх он, жилүүдийг харах учиртай. 2009 онд дархан аварга цолны болзол хангасан Г.Өсөхбаяр аваргын дараа эрэмбэлэгдье гэхээр миний амжилт 2010 оноос хойш гарсан мэт болчих гээд байгаа юм. Ийм авцалдаагүй зүйл болоод байна. Уг нь монгол бөхийн дархан аваргууд эрэмбэлэгдэхгүй гэсэн хуультай. Бас арван даваатай наадамд түрүүлэхээр хоёр наадамд түрүүлсэнд тооцож давхар цол олгоно гэсэн хууль бий. Жишээ авъя л даа, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн С.Мөнхбат аварга байна. С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр хоёр ес даваад арслан цолныхоо үнэмлэхийг авсан. Түрүү, үзүүр булаалдахад буюу арвын даваанд С.Мөнхбат давж аварга цолтой болж байлаа. Ирэх жил Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам гээд 1024 бөх барилдуулан С.Мөнхбат түрүүлэх юм бол дархан аварга цолтой болно. Цаасан дээр улсын баяр наадамд хоёр түрүүлсэн мэт харагдах боловч дөрөв түрүүлсэн дархан аваргын болзлыг хангасан амжилт харагдаад байгаа юм. Бөхчүүдийн амжилтыг ингэж дүгнэе гэсэн хууль баталсан шүү дээ. Энийгээ больё, арван даваатай наадмыг нэг л түрүүлсэн болгоё гэвэл С.Мөнхбат, Д.Сумъяабазар аваргуудын амжилт яригдаж эхэлнэ. Бүр эсвэл бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлье гэвэл баяр наадмын комисс, Үндэсний бөхийн холбооны шийдэх асуудал биш болно. Монголын үндэсний бөхийн их хурлыг зохион байгуулаад хуралдах ёстой. Ард түмнээс санал асуулга авах ёстой.

Миний хувьд энэ жил бэлтгэл сайн байгаа. Барилдана гэдгээ ард түмэндээ хэлээд амлалтаа өгчихсөн. Төр түмнийхээ хайрласан өндөр цолыг хүндэтгээд, цолныхоо эрэмбэнд хүрч барилдана. Маргааш очиж бүртгүүлэхэд бэлэн байна.

Бөх судлаач Н.Зоригтбаатар: Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд хоёр аваргыг амжилтаар нь эрэмбэлнэ гэж ярьж байгаа. Барилдааны дүрмийн 3.6-гийн 1-д ижил цолтой бол энэ цолыг авахаас өмнөх доод даваануудыг үнэлнэ гэсэн байдаг. Эрэмбэлж болно. Бөх судлаачийн хувьд би эрэмбийг гаргасан. А.Сүхбат аварга 2006 онд барилдаад зодог тайлсан. А.Сүхбат аварга гурван удаа долоо давсан байдаг. Г.Өсөхбаяр аварга дөрвөн удаа долоо давж, гурван удаа найм давсан байдаг. Үүний дөрөв нь А.Сүхбат аваргыг зодог тайлснаас хойших даваа. А.Сүхбатыг зодог тайлснаас хойших долоон жилд Г.Өсөхбаяр аварга барилдаж байлаа шүү дээ. Долоон жил барилдсан аваргыг барилдаагүйтэй нь яаж жиших гээд байгаа юм бэ. Ингэж эрэмбэлэхдээ зөвхөн долоо, найм давсныг бичээд шөвгөрснийг тооцоогүй байдаг. Тоолоод үзвэл А.Сүхбат аварга нэг удаа тав, дөрвөн удаа зургаа, гурван удаа долоо, гурван удаа ес, нэг удаа арав буюу нийт 12 удаа шөвгөрсөн байна. Г.Өсөхбаяр аварга нэг удаа тав, гурван удаа долоо, хоёр удаа найм, гурван удаа ес буюу нийт есөн удаа шөвгөрчээ. Эрэмбэ ярих гээд байвал ийм байна. Тэгэхээр маш товчхондоо А.Сүхбат Монгол Улсын дархан аваргын болзлыг 2004 онд биелүүлчихсэн хүн. Өөрөөр хэлбэл А.Сүхбат 2004 оны дархан аварга. Г.Өсөхбаяр 2009 оны дархан аварга. Тиймээс түрүүчийн аваргууд ирээгүй тохиолдолд А.Сүхбат наран ургах зүүн зүгээс гарах учиртай юм.

А.Сүхбат: Баяр наадмын бэлтгэл хийгээд завгүй яваа. Уг нь үнэндээ хэн зүүнийг манлайлах вэ гэдгийг яриад байхаар зүйл биш шүү дээ. Хэн зүүнээс гарах нь тодорхой. Ерөнхийлөгч эрэмбийг нь тогтоогоод цолоо өгсөн. Баяр наадам сайхан болоосой, хэл амгүй болоосой гэж бодож байна. Би ч өөрөө хичээнэ. Төрийн наадмаа чимж, цолондоо хүрч барилдана гэдэг миний 30 жилийн хөдөлмөр юм шүү. Миний мэддэг, чаддаг ажил.

-Г.Өсөхбаяр та хоёр хоёулаа зүүний магнайгаас гарна гээд байгаа. Энэ асуудал баяр наадмын эхний өдрийг хүртэл шийдэгдэхгүй бол яах вэ. Хэрэв Г.Өсөхбаяр аварга зүүнийг магнайлна гэсэн шийд гарвал хэрхэх вэ?

А.Сүхбат: Дахиад хэлчихье. Би энэ цолыг өөртөө өгчихсөн юм биш. Монгол Улсын Ерөнхийлөгч дуудаад Төрийн ордонд өгсөн цол. Төр, түмэн олон минь надад өгсөн. Ерөнхийлөгч эрэмбийг нь тогтоочихсон. 30 жил барилдахдаа 30 тонн хөлсөө урсган байж надад ирсэн цол болохоор надад хосгүй үнэтэй. Цолныхоо эрэмбийг бууруулах эрх надад байхгүй. 08 тооттой дархан аваргын үнэмлэхийг андуурсан байна гэдэг юм уу, шүүхийн тогтоол гарвал би хүлээн зөвшөөрнө.

-Г.Өсөхбаяр аварга “Өнгөрсөн жил би наадамчин олноо хүндэтгээд буулт хийсэн. Энэ жил яадаг ч байсан зүүнээс гарна” гэж мэдэгдсэн?

.Сүхбат: Нэг зүйлийг шулуухан хэлчихье. Эрэмбийг булааж авдаггүй юм. Ингэж болохгүй. Баяр наадмын комисстой ч юмуу, Үндэсний бөхийн холбоотой ч юмуу, дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй ч юмуу хуйвалдаад авчихдаг зүйл биш. Барилдаж авдаг юм. Дахиад хэлчихье. Би 2004 онд Монгол Улсын дархан аварга цолны болзлыг биелүүлчихсэн юм байна лээ шүү. Хэрэв Г.Өсөхбаяр аваргыг миний урд эрэмбэлэх гээд байгаа юм бол дөрөв түрүүлсэн он жилийг 2004 оноос өмнө бичих хэрэгтэй. Болдоггүй юм гэж байдаг юм. Миний хувьд цолоо өгөхгүй, заавал дээр нь гарна гээд байгаа зүйл алга. Хамгийн гол нь цолыг үнэгүйдүүлж, хуйвалдаан булхайд дарагдуулж өнгийг нь хувиргах ёсгүй гэсэн байр суурьтай байгаа юм.

-Өнөөдөр (өчигдөр) Үндэсний бөхийн холбооныхон хуралдаж байгаа. Та тэр хуралд очих уу?

А.Сүхбат: 14 цагаас болох Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хуралд ирнэ үү гэсэн. Би сэтгүүлч та бүгдтэй уулзахаар цаг товлосон байгаа гэдгээ тэдэнд мэдэгдсэн.

Categories
мэдээ цаг-үе

Наадмын тасалбарын шагийн үнэ 120 мянгад хүрчээ

Тасалбарын борлуулалтыг өнөөдрөөр дуусгавар болгоно

Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг үзэх тасалбарыг өчигдрөөс худалдаанд гаргалаа. Эхний өдрийн 12 цагт Соёлын төв өргөөний гадаа иртэл төгсгөл нь хаана байгаа юм бэ гэмээр урт дараалал үүссэн байв. Бүр дарааллаасаа болж цус нөжөө гартал зодолдсон гурван залуу олны анхаарлыг татаж байлаа. Тэд үүр хаяарах цагаас эхлэн дугаарласан бөгөөд дундуураа гадны хүн оруулах эсэхээс болж маргалджээ.

“Наадамчин олны хувьд нээлтийн болон тавын даваанаас хойших бөхийн барилдааны тасалбар авна гэдэг зүүд мөрөөдөл шиг боллоо. Шөнөжин дугаарлаж байгаад авч чадахгүй байх тохиолдол олон байна. Төр засгийнхан энэ асуудлаа шийдэж чадахгүй бол удахгүй хүний аминд хүрэх байх шүү. Өглөөнөөс хойш уралцан зодолдож байгаа хүмүүсийг бишгүй харлаа” гэж дугаарлаж буй иргэд ярьж байв.

Өнөө жилийн тухайд наадмын тасалбарыг 12-24 мянган төгрөгөөр борлуулж байгаа. Төв асрын хоёр талд буюу сүүдрэвчтэй хэсэгт суух бол 24 мянган төгрөгөөр тасалбар авна. Асрын өөдөөс хараад бөхчүүдийн талд суух бол 20 мянган төгрөг. Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун, зүүн жигүүрийнх 16 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Дээрх үнээр тасалбар худалдаж авбал багц болж ирнэ. Нэг ёсондоо 11, 12-ны арга хэмжээг дуртай үедээ үзэх боломжтой. Дан ганц нээлтийн тасалбар гэж байхгүй бөгөөд зөвхөн жуулчдад зориулсан нь 25 ам.доллар гэж байна лээ. Харин 12-ны үдээс хойш буюу хүчит бөхийн тавын даваанаас хойших тасалбарыг 12 мянган төгрөгөөр худалдаанд гаргажээ.

Соёлын төв өргөөнөөс тасалбар авах гэж буй зарим иргэн шөнийн 23 цагаас эхлэн дугаарлажээ. Харин 04 цагт иргэдийг ирэхэд гуч гаруй хүнтэй байсан гэнэ. Эрт ирснийх ямар ч байсан тасалбартайгаа харих юм байна гэж бодож байтал 07.30 цагаас эхлээд урдуур олон хүн дайрч эхэлжээ. Яагаад дараалал дайраад байна вэ гэж хэл ам хийхэд нь тэр хавьд зогсож байсан хүмүүс “Надад захиад шээчихээд ирлээ шүү дээ” гэхчилэн өмөөрч байсан гэнэ. Урдуур зогсож байсан хориод хүн бие биенийгээ танихын дээдээр таньж нэрээр

нь дуудаж байжээ. Хойноос дундуур хүн орууллаа гэж хэл ам хийхээр бүгд нэгэн зэрэг хамгаалаад хавьтуулахгүй байснаас үүдэн хэрэлдэж байгаад сүүлдээ зодоон цохиондоо тулжээ. Богино цамцных нь товчнууд мултарч, хүзүүгээ боолгуулсан залуу “Хөдөөнөөс ирэх аав ээждээ улсын наадмын нээлтийг ганц удаа үзүүлчихье гэж бодоод өглөө ирсэн. Дарааллаараа зогсож байгаад л авчих юм байна гэж бодож байсан юм. Гэтэл урдуур зогсож байгаа хүмүүс бүгд ах дүү, найз нөхөд байдаг юм байна. Бүр сүлжээ шиг зүйл үүсгэчихэж. Тэд бүгдээрээ нийлж байгаад энэ хүн байсан юм аа гээд шинэ хүн оруулаад байна. Би 05 цагт ирсэн. Бүтэн найман цаг дугаарлаж байхад авч чадаагүй байна. Өнөөдөр борлуулах ёстой тасалбар дууссан гэж байна” гэв. Баяр наадмын тасалбарыг хоёр өдөр борлуулах хуваарьтай байгаа бөгөөд өчигдрийн тасалбарууд 13 цаг гэхэд дууссан байлаа. Гэсэн ч иргэд дарааллаа алдахгүйн тулд маргааш хүртэл зогсоно гэж байв. Ингэж зогсоо иргэдээс хэд хэдэн хүн ухаан алдаж унасан тухай хүмүүс ярьж байна лээ. Бас даралт нь ихсэж, тархи толгой нь тэсэхийн аргагүй өвдөөд буцаж байгаа хүмүүс ч бий гэсэн. Бүр байраа алдахгүйн тулд бие засахыгаа хүртэл тэвчин зогсох иргэдийн цуваа Соёлын төв өргөөнөөс “Туушин зочид буудал хүрч байв. Тасалбар түгээх газрын үүд хавьд хоёр цагдаа зогсож байгаа хэдий ч уурлаж бухимдсан иргэдийг хүчрэхгүй дээрээ тулжээ. Үүд хавиар юу болж байгааг сонирхох гэсэн ч “Ямар ч хүнийг үүд рүү ойртуулахгүй шүү” хэмээн хашихирч байв.

Баяр наадмыг зохион байгуулах комиссоос нэг хүнд дөрвөөс илүү тасалбар өгөхгүй гэж журамласан хэдий ч шагчид аль хэдийнэ хорь, гучин тасалбар гартаа оруулаад авчээ. Тасалбар байна уу гэж сураглан явахад “Хэдийг авах уу” л гэсэн хүмүүс байх юм. Гуч гаруй насны залуу “Жуулчин дагуулж ирж байгаа. Гучин тасалбар хэрэгтэй байна” гэхэд 24 мянган төгрөгийнхийг 100 мянгаар бөөндөөд ав гэх хүн таарч байна лээ. Бүр ямар суудалд суумаар байна, аваад ирье гэж байв. Шагчид цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын зургийг аль хэдийнэ хэвлэж барьчихаад сонирхож байгаа хүмүүст үзүүлэн сонголт хийх боломжоор хангаж байлаа. 24 мянгынх 120, 20 мянгынх 110, 16 мянгынх 100 мянган төгрөг гэсэн. Бас аравхан минут хүлээчих, тэр орох гэж байгаа хүн манай талынх байгаа юм гэж байна. Хамгаалалтад гарсан цагдаа нар шагчидтай тэмцэх ёстой ч гэлээ дугаарлаж буй олны эмх цэгцэд анхаарлаа хандуулаад сөхөөгүй байв.

Бөхийн өргөөний үүдэнд ирэхэд мөн л уурласан, бухимдсан хүмүүс угтлаа. Бас л урт дараалал үүсгэн дугаарлажээ. Дугаарлаж буй хүмүүс нь бухимдахын зэрэгцээ шагчид хоорондоо хэрэлдээд шуугиантайхан байлаа. Шагчдын хэрүүлийг сонсвол хоёр залуу арван тасалбар авна гэж хэлээд тэдний нэгийг машиндаа суулгажээ. Мөнгөө картнаас авна гэж байшингийн булан тойронгуутаа шагчин залууг хэмх нүдсэн гэнэ. “Яасан даварчихсан гарууд вэ” гэж зодсон хоёр залуу тасалбараа авсан хойноо 240 мянган төгрөг өгчээ. Уг нь сая төгрөгөөр тохиролцоод машинд нь суусан түүнийг хамт явсан найзууд нь худлаа зодууллаа гэж хардаад сүрхий юм болжээ. Тэдний хэрүүлтэй зэрэгцээд шүхэр барин зогсоо олны дундаас уулга алдах дуу сонсогдоод явчихав. Яваад очтол 50 орчим насны эр ухаан алдаад уначихаж. Урд, хойно нь зогсоо хүмүүс туслах хүсэл байвч дарааллаа алдчих нь гэж айгаад хөдлөхгүй, дэмий л түргэн дуудъя гэж байсан юм. Удалгүй хоёр залуу хүрч ирээд сүүдэр рүү дамжлаад аваад явна лээ.

Бөхийн өргөөн дээр 15 цагийн үед очиход тухайн өдрийн тасалбар дуусчээ. Тасалбар түгээх газар хаалгаа хаасан бөгөөд “Нэг хүнд дөрвөөс илүү билет өгөхгүй” гэсэн бичиг наасан байв. Эндээс борлуулсан тасалбар бас л шагчдын гарт орсон бололтой “Дүү хэдийг авах гэсэн юм бэ” гэх хүмүүс хоргоож байв. 100 мянга хүрсэн 16 мянгын багц тасалбарыг жаахан хямдруулаад өгөөч гэж гуйсан ч “Шагчид үнэ унагалаа гэж бөөн юм болно” гээд хавьтуулсангүй.

18 цагийн үед Соёлын төв өргөөн дээр дахин ирэхэд дугаарлаж буй хүмүүс гэрээсээ сандал, нарны хаалт авчруулсан байв. Бас цэвэр усны саванд ус хийгээд үе, үе толгойгоо норгож байлаа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Усанд живэхээс хэрхэн сэргийлэх вэ?

Аагим халуун өдөр гол, ус бараадах нь сэрүүцэх
хамгийн таатай аргуудын нэг. Гэвч манайхан шалбааг төдийг хараад л үсрээд орчихдог.
Жаахан халамцуу байвал бүр зоригтой орно гээч. Тэгээд сэлэх гэж ёстой элгийг авна
даа. Ерөөсөө л уснаас их айдаг, өвдөг давангуут живнэ гэх ойлголттой. Уг нь Хөвсгөл,
Увс, Хяргас нуураас бусад гол ус юу юугүй живчихээр тийм айхтар байдаг билүү. Туулд
живлээ гэхэд ганц минут тэсээд хөвөхөд уг нь эрэг рүү амархан гарчихна даа. Эсвэл
сандралгүйгээр доошоо сууж байгаад хөлөөрөө эрчтэй жийхэд ямар ч байсан нэг удаадаа
гүнзгий амьсгаа аваад орчноо анзаарч болно. Хамгийн гол нь ямар нэгэн байдлаар усанд
хөл алдлаа гэхэд тайван байх ёстой юм. Ингээд живж үхдэг юм байж хэмээн бодоод ам,
хамраараа ус залгихын оронд сандрахгүй байх хэрэгтэй. Сэлж чадахгүй гар, хөлөө сарвалзуулахын
оронд аль болох тайван байж биеэ сул тавиад усны мандал дээгүүр хөвж болно. Ингэж
биеэ сул тавьж хөвснөөр ядаж л ус залгихгүй. Бас орчноо харах боломжтой. Хөвж чадаж
байгаа бол гар, хөлөө аажмаар хөдөлгөн өөрийгөө залж болно. Эрэг рүү дөхөхийн зэрэгцээ
бургаснаас зүүгдэн тогтох болно. Харин согтуу хүмүүс усанд осолдож живдэг нь шөрмөс
татсантай холбоотой байдаг. Согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үед хүйтэн
усанд орохоор булчин, шөрмөс зангирч татдаг. Тиймээс халамцуу үедээ голын эргээс
холхон байхыг сануулъя. Яаж ч сайн сэлдэг байлаа гээд ус руу орно гэж саналтгүй
гэж эмч нар анхааруулдаг юм байна лээ. Тэгээд ер нь усанд живэхгүй байх хамгийн
гол зүйл нь сэлж сурах шүү дээ. Хотын аль ч дүүрэгт усанд сэлэлтийн сургалт явуулж
байгаа усан сангууд бий. Тэнд очоод ганцхан сар хичээллэхэд ямар ч байсан живж үхэхгүй
л болов уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баян суманд болсон дунд сунгааг Ш.Лхамсүрэнгийн загал үрээ өнгөллөө

Алтан туурайт хурдан хүлгийнхээ давхил юуг сорих дунд сунгаа өчигдөр болов. Богино, дунд, их гурван сунгаанаас хамгийн чухал нь жил бүрийн долдугаар сарын 2-нд болдог дунд сунгаа. Уяа сойлго ид жигдэрсэн байх учиртай энэ үед тухайн жилийнхээ ерөнхий өнгийг дунд сунгаанаас багцаалдаг. Тэр ч үүднээсээ дунд сунгааны үеэр хамгийн хол зайд морьдоо уралдуулна. Өчигдөр болсон сунгаануудаас хамгийн том нь Төв аймгийн Баян сумын нутаг Их булагийн сөдөт хөндийд боллоо. Энэ хавиар Монгол Улсын тод манлай уяач Б.Билэгдэмбэрэл, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Т.Галбадрах, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Ц.Бямбадорж, Төв аймгийн Баян сумын уугуул, нийслэлийн алдарт уяач Г.Буянтогтох, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат аймгийн алдарт уяач Б.Батхүү, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн алдарт уяач Т.Ганзориг тэргүүтэй уяачдын гал буужээ. Баян сумын урд руу буюу 12 дугаар точек хавьд Монгол Улсын тод манлай уяач Д.Мөнхбат, Д.Онон, А.Батсүх, Б.Бат-Өлзий тэргүүтэй улсын алдар цолтонгууд зусаж байгаа. Жил бүрийн хамгийн өтгөн сунгаа Цагаан хөтөлийн дэнжид болдог байсан хэдий ч өнөө жил гантай байгаа болохоор Баян сумын сунгаанд хамгийн олон үрээ мордлоо. Хязаалан насанд зуу орчим хурдан хүлэг шандас сорьж байв. Өвс ногоо байхгүй гэмээр цагаан талд тоос их босож байгаа болохоор уралдааны замаа усалж байсан. Уяачид 150 мянган төгрөгөөр нийлэн сумынхаа Онцгой байдлын газраас гал унтраах машин авчирчээ.

Тэгэхгүй бол хүүхэд, морь битүү тоосонд хахаж цацахын наагуур юм болж байгаа гэнэ. Усалсан зам дээр хязаалан үрээг 10 км-ээс мордуулав. Гарааны зурхайгаас эхлэн уяач нар машинтай дагаж унаач хүүхдэдээ зөвлөгөө өгөх ажээ. Өнгөнд “Агт-Эрдэнэ” галын эрлийз голдуу арваад үрээ гарч ирж байна. Сунгаанд монгол, эрлийзийг хамтад нь мордуулдаг болохоор эрлийз үрээ монгол морийг дийлж уралдаж байлаа. Замын турш машинтай дагах уяачид унаач хүүхдэдээ “Мориныхоо амыг одоо тат. Жаахан зүт­гүүлж уралд. Ташуурдаад өг. Суулгаж болохгүй шүү” гэхчлэн зөвлөж байв. Тал газраас эхэлсэн уралдааны зам дундаа орох үеэс уулын хяр өөд өгслөө. Өгсүүр замд уралдаад сурчихсан адуу наадамд тоосоо өргөхөд хүч нь суудаггүй болохоор дунд сунгааг ийм газар зохиодог юм байна. Бариа ойртох замд морьтой залуус тосож аваад уралдаж буй морьдыг дагуулан хүчийг нь нэмүүлэх ажээ. Бариан дээр ирэхэд Төв аймгийн Баян сумын уяач Н.Мандахын хээр үрээ өнгөллөө. Аман хүзүүнд Монгол Улсын тод манлай уяач “Бандгай” С.Ганхуягийн төрсөн дүү С.Ганбаатарын хүрэн үрээ ирэв.

Өвс, ногоогүй цагаан талд морины ажил хийхээр ул, таваг нь тэсэхгүй хэцүү байгаа гэнэ. Хөлс авахаар жаахан давхиулахад л улдаж байгаа тухай уяачид ярьж байв. Бас байгалийн шим тэжээлтэй өвсөөр биш тэжээлтэй урал­дах гэж байгаа болохоор та­мир тэнхээ дундаж байгаа гэсэн. Тиймээс баяр наадмын уралдааны замаас хоёр км-ыг хасах шийдвэр гаргаасай хэмээн чих тавин суугаа ажээ. Мөн их сунгаагаа 7-нд хийчихээд Цагаан хөтөл рүү нүүдэг уламжлалтай ч энэ жил уралдааны өмнөх өдөр хөдлөхөөр ярилцаж байгаа гэнэ.

Энэ жилийн наадамд Өвөр­хангай, Дундговийн уяачид хурдтай сайхан наад­на гэх таамаг уяачдын дунд гарчээ. Учир нь дээрх хоёр аймагт зуншлага сайхан болж байгаа болохоор адуу нь бяртай байгаа. Хүүхдээр яривал эхийнхээ сүүг хөхөж буй, хуурай сүүгээр угжуулж байгаа хоёр хүүхдийн тамир тэнхээтэй зүйрлэж болно гэх. 2011 онд гандуухан жил болоход Өвөрхангайн уяачид зуншлага сайтай нутагтаа морьдоо уяж байгаад наад­мын өмнөхөн давхиж ирээд олон түрүү, айраг авч байсан түүхтэй.

Шүдлэнгийн сунгаанд мөн л зуу дөхсөн хурдан үрээ мордлоо. 12 км-ээс эргэхэд “Нүүдэлчин” группийн захирал Ш.Лхамсүрэнгийн загал өн­гөлсөн юм. Аман хүзүүнд Төв аймгийн Архуст сумын уугуул н.Сарангэрэлийн халтар үрээ хурдалсан. Энэ халтар үрээ эрлийз адуутай тэнхээ мэдэн уралдаж байсан бөгөөд олон уяачийн анхаарлыг татаж байв. Гарааны зурхайгаас нэлээн хойгуур гарсан ч газрын дун­даас яван чангарах монгол адууг өнөө жилийн наадмаар баараггүй юм дуулгана гэж байна лээ. Халтар үрээний ар дээр “Агт-Эрдэнэ” галын уяач Ш.Лхамсүрэнгийн хээр, “Уулс трейд” ХХК-ийн захирал Т.Галбадрахын хү­рэн, Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хээр хур­даллаа.

Харин өнөөдөрүлдсэн дөрвөн нас болох азарга, их нас, соёолон, дааганы сунгаа болох юм.Тодорсон хүлгүүдээс Х.Цогтсайханы сүмбэн зээрд азарга, Т.Гал­бадрахын хар азарга энд тоосоо өргөнө. Их насны морь­доос өнөө жилийн “Дүн­жингарав” уралдааны түрүү Х.Цогтсайханы хар, Дорноговьд түрүүлсэн С.Төгөл­дөрийн буурал, Говь шанхад түрүүлсэн Н.Зоригтын хул тэргүүтэй улс, бүсийн наадамд цолоо дуудуулж байсан хурдан хүлгүүд мордохоор болжээ.

Баян сумын 12 дугаар точект болсон бага сунгааны сонин сайхныг энэ үеэр хууч­лав. Бас л нас болгонд зуу гаруй адуу мордсон гэнэ. Их насанд Тод манлай уяач А.Батсүхийн уяаны хэд хэдэн үрээ өнгөлж хурдтай байгаагаа ха­руулсан сурагтай. Азарганд Ховд аймгийн Дарви сумын уяач З.Мэндсайханы хээр түрүүлсэн гэнэ. Олноо Дугараа ман­лай хэмээн алдаршсан Б.Бат-Өлзийгийн уяж байгаа даян түмний эх морь хорьдоор уралд­жээ. Хүрэн үрээ “Ал­тай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийн хүлэг. Араасаа олон түрүү, айраг дагуулж буй хурдан хүлэгтэй нэг уяанд байгаа хээр даага сунгаанд мөн л хурдтай байсан гэнэ.

Дунд сунгааны сониноос дуулгахад ийм байна. Наад­мын өдөр ч ирлээ дээ.

Categories
мэдээ цаг-үе

Үзэсгэлэнт Мон Блан уул хийгээд Женевийн дарсны өрөө, мартах өвчин

Түрүүч нь ¹143(5095) 144(5096), 146(5098), 150(5102) дугаарт

Австри, Словак, Итали, Швейцарь, Лихтенштейн, Герман, Франц улсын нутаг дэвсгэрийг дамнадаг Альпийн нурууны сүрлэг сайхан уулсын дундах Коурмауер хотын буйдхан зочид буудалд шөнө дунд болж байхад ирэв. Харанхуйд эргэн тойрон харагдахгүй ч гэлээ цэвэр тунгалаг агаар үнэртэж байлаа. Хойд Италийн нутаг дэвсгэрт байх энэхүү хот алдарт Мон Бланы бэлд байдаг. Буусан зочид буудлын тохижилт дээхнэ үеийн кинон дээрх амьдралыг санагдуулна. Дэрсэн шүүр, хайрсан бин, хуучны данх гээд л. Ил зууханд түлж буй галын дэргэд олбог дэвсэн газар суугаад шар айраг, улаан дарс шимэн ярилцаж болно. Аяллаар яваа хүмүүс их хотын чимээ шуугианаас залхсан, техник технологийн өндөр дэвшлээс уйдсан байдаг болохоор Коурмауер хотод иймэрхүү зочид буудал элбэг. Өглөө сэрээд харвал сүрлэг өндөр уулсын дунд буужээ. Мөнх цаст уулын дунд хавиас хүчтэй хүрхрээ бууж зүлэг ногоон талд гол болон урсахыг хараад хэд л бол хэдэн цаг суумаар санагдав. Энд аль болох машины дуу чимээ гаргахгүй байхыг чухалчилдаг ажээ. Ойр зуурхан явахдаа алхахыг зөвлөх юм. Моддын сэрчигнэх чимээ, хүрхрээнээс буух усны харгиа, шувуудын жиргээтэй хослож байгаль дэлхий тансаг сайхнаа гайхуулж байлаа. Эндээс арав гаруйхан минут яваад Швейцарийн нутаг дэвсгэрт орж ирнэ. Өндөр уулсын оройгоор байгалийн сайхныг биширч явсаар Мон Блан оргилын бэлд ирэв. Альпийн нурууны ноён оргил, далайн түвшнээс дээш 4808 метрийн өндөрт байх мөнх цаст Мон Бланы хормойгоор ногоон зүлэг, өнгө өнгийн цэцэгс алаглах ажээ. Оройг нь өөр нэг уултай холбож тэр хооронд дүүжин баннаар явж болно. Дээрээс зураг авч Альпийн нурууг хамгийн өндөр цэгээс нь харах боломжтой энэхүү аяллын үнэ 120 евро гэсэн. Гэхдээ ингэж аялахад цаг агаар тааламжтай байх ёстой. Хавар эрт буюу хоёр, гуравдугаар сард хүчтэй цасан шуургатай байдаг тул Мон Бланы оргил руу гаргадаггүй гэсэн. Хангай дэлхий ийн муухай аашилж байх үедээ сааралтан шуурч бэл байтугай дэргэдэх уулынхаа оройгоос “өөрийгөө” харуулдаггүй юм байна. Зун, намартаа гоё сайхнаа гайхуулах үеэр нь газар газрын жуулчид шавдаг гэнэ. Бас уулчид мөнх цаст хайрхан руу авирахад хамгийн таатай үеийг аравдугаар сар гэдэг. Уулчид төвөггүй авирдаг болов уу гэмээр харагдаж байгаа мөртлөө хамгийн хэцүү 25 уулын нэгд бичигджээ. Харьцангуй налуу мөртлөө хад асга, цас мөс ихтэй болохоор есөн мянга гаруй уулчин Мон Бланд осолдсон түүхтэй. Хамгийн хэцүү нь хадан дээрээс ниссэн уулчдын цогцос барагтай бол олддоггүй гэсэн. Швейцаричууд алдартай уулынхаа нэрээр нэрлэсэн дотоодын олон брэндтэй. Тэдгээрээс хамгийн алдартай нь “Montblanc” үзэгний брэнд. Мөн эрчүүдэд зориулан тэлээ, цаг, хүрэм зэргийг үйлдвэрлэдэг. Тэдгээрийн үнэ дэлхийн өнцөг буланд зарагдахдаа чамгүй өндөр сонсогдох ч төв дэлгүүр дээрээ боломжийн үнэтэй юм байна лээ.

Мон Блан уулын бэлд хэдэн цаг саатаад Швейцарийн Женев хот руу хөдлөв. Ес, арван давхар байшинтай дүйцэх хэмжээний өндөр багана дээр барьсан гүүрээр дамжиж явсаар зорьсон газраа ирлээ. Женевт ирсэн анхны сэтгэгдэл “Европын хамгийн цэвэрхэн хот” гэдгээр эхлэв. Женев нуурын эрэг дэх цэцэрлэгт хүрээлэнд тухлан өдрийн хоолоо идсэн. Эндхийн хүмүүс өдрийн цайны цагаар цэцэрлэгт хүрээлэндээ сууж байгаад гэрээсээ юмуу ресторанаас авчирсан хоолоо иддэг юм байна. Албаны хослол өмссөн залуу, ажил хэрэгч даашинзтай бүсгүйчүүд саглагар модны сүүдэрт суугаад хооллох ажээ. Дараа нь гутлаа тайлж зүлгэн дээгүүр алхаж байв. Хөл нүцгэн ингэж явснаар дархлаа сайжирдаг гэх судалгааг эмнэлгүүд гаргасан тул үдийн цайны завсарлагаар цэцэрлэгт хүрээлэнд ийн алхдаг ажээ. Женев нуурын эрэг дэх цэцэрлэгт хүрээлэнгийн захад алдарт цэцгэн цаг бий. Энэхүү цагийг 1955 онд хотын төвд байгуулжээ. Зүүнээс бусад нь өнгө өнгийн цэцэг бөгөөд улирал бүр өнгө нь солигддог гэж байв. Дэлхийд гайхагддаг энэхүү цаганд улирал бүр 6500 цэцэг зарцуулдаг гэсэн. Бусад улс орнуудаас цагны болон цэцэгний мэргэжилтнүүд ирж судалж үзээд яг ийм цаг хийх гээд чаддаггүй ажээ. Япон, Сингапур зэрэг улс эндхийн цэцгэн цагтай яг ижлийг эх орондоо хийхээр бүхэл бүтэн 50 жилийн турш бүтэлгүйтэж байгаа гэсэн. Сонирхолтой нь энэхүү мандал дээр цаг тутамд зөвхөн нэг цэцэг дэлгэрдэг гэнэ лээ. Үүрийн гурван цагт эхний цэцэг дэлбээлдэг бол хамгийн сүүлд “Шөнийн дагина” нэртэй кактус дэлгэрнэ. Цэцгэн цагийн бас нэг алдартай зүйл нь энд хамгийн олон хүн зургаа авахуулжээ. Сүүлийн арван жилд 40 сая гаруй жуулчин энд зургаа авахуулсан гэх тооцоо байдаг юм байна. Цагны цаахна талд мөн л хамгийн өндөр гэдгээрээ алдартай 150 метрт оргилох Жет де эу усан оргилуур бий. Нуурын голд байх энэхүү усан оргилуурыг хотын таних тэмдэг гэж хэлдэг юм билээ. 200 км/цагийн хурдаар секундэд 500 литр ус цацах усан оргилуур 2400 вольтоор ажилладаг гэсэн. Усан оргилуурын ёроолд 500 кв-ын хүчин чадалтай хоёр насос ажиллуулдаг байна. Усан оргилуурыг 1886 онд нуурын захад байгуулсан хэдий ч хотын үзэмжинд өнгө нэмэхгүй байна гэж үзээд 1891 оноос одоогийн байгаа газарт шилжүүлжээ.

Женев хотод 800 гаруй монголчууд амьдардаг. Тэдний дийлэнх нь эмэгтэй. Учир нь хүүхнүүдэд ажил олдохдоо хурдан. Дэлхийн баячууд, алдартай одод Женевт амьдардаг болохоор гэрийн үйлчлэгч, цэцэрлэгч, асрагчийн ажил амархан олддог юм байна. Амьдрах орчин, нөхцөл сайтай энэ улсад амьдарч буй монгол хүүхнүүд сард 1000-1500 франкийн цалин авдаг гэсэн. Тэнд амьдардаг монгол хүнтэй уулзан сонин сонсоход “Сүүлийн үеийн том сонин гэвэл эндхийн хамгийн том баячуудын нэгийг манайхны нэг бүсгүй золтой цааш нь харуулчихсангүй” гэв. Яасныг асуувал Монголоос ирээд удаагүй байгаа эмэгтэйг нэгэн найз нь ажилд оруулж өгчээ. Женевийн тэргүүн баячуудын нэгнийд гэрийн үйлчлэгчээр ажилд орсон бүсгүй жигтэйхэн ажилсаг нэгэн байж. Хэлэхээс нь өмнө санаачилгаараа цэвэрлэгээ хийдэг байсан болохоор гэрийнхэн ч түүнд сайн ханддаг байсан гэнэ. Тэгсэн нэг өдөр битүү тоосонд дарагдсан өрөөг цэвэрлээд зогсож байтал гэрийн эзэн ороод иржээ. Гялалзаж, цэмцийсэн өрөөгөө харсан залуу үг ч дуугарч чадахгүй болж ам нь хий ангалзаж байгаад муужирч унажээ. Юу болсныг ч ойлгож амжаагүй байтал түргэн тусламжийн эмч нар залууг аваад явсан байна. Яав ийв гэтэл хэдэн зуун дамжин өвлөгдөж ирсэн дарсны өрөөг нь цэвэрлэчихсэн байж. Дарсны чанар хадгалсан хугацаандаа байдаг, хэр удаан хадгалж байгааг шилэн дээрх тоос нь илэрхийлдэг учиртай. Үе уламжлагдан ирсэн, хэдэн тэрбумаар тоологдох тэрхүү хөрөнгийг нь Европын соёл, зан заншлыг хараахан мэдэж амжаагүй бүсгүй ганцхан хормын дотор үгүй хийжээ. Гэрийнхэн уламжлал мэдэхгүй монгол бүсгүйд уурлаж гомдсон ч ямар нэгэн хариуцлага тооцолгүй ажлаас нь халсан байна. Энэ тухай сонирхуулж яриад “Хэрэв өөр хүн байсан бол түүнээс хэдэн үеэрээ төлж барамгүй их өр нэхэх байсан байх. Монголчууд маань тухайн амьдарч байгаа улсынхаа талаар тодорхой мэдээлэлтэй байхгүй бол яаж ч хөөдөж мэднэ” гэлээ. Харин Женевт амьдарч байгаа эрчүүд голдуу ахмадын асрах газарт ажиллана. Асрахад амьдарч байгаа хүмүүсийн 90 гаруй хувь нь мартах өвчинтэй. Тэтгэвэртээ гарах үед хүүхдүүд нь аав ээжийгээ асрамжийн газар аваачаад өгөх бөгөөд 70 наснаас эхлэн мартах өвчинтэй болдог гэсэн. Ерөнхийдөө өндөр настнуудын 70-80 хувь нь мартах өвчинтэй. Эмч нар юунаас үүдэлтэйг судалж байгаа бөгөөд эцсийн дүгнэлтийг хараахан гаргаагүй. Гэхдээ махнаас авч байх ёстой уургаа бүрэн дүүрэн авч чадахгүйгээс болдог гэх таамаг бий. Нэгэнт мартаж эхэлсэн хүмүүсийн ой тогтоолт эргэн сэргэх бараг боломжгүй гэх юм билээ. Зарим тохиолдолд гуч, дөчхөн насандаа ой санамжаа алдан урьдын болсон явдлыг бүү хэл өөрийнхөө нэрийг мартсан хүн байдаг гэсэн. Маш цөөн тохиолдох ийм үед уйгагүй дасгал хийснээр ой санамжаа сэргээдэг юм байна. Харин өндөр настнуудын тархины эд эс цөөрчихдөг болохоор мартах өвчин тэр чигтээ тогтдог ажээ. Иймэрхүү асрамжийн газрынхны гол ажил нь өвөө, эмээ нартай ярилцах. Хамтдаа хооллож, тоглож, ярилцаж байгаад орой нь баяртай гээд явахад халуун дотноор үдэн гаргана. Өглөө нь хүрч ирээд сайн байна уу хэмээн мэндлэхэд “Чи хэн бэ. Би чамайг огт танихгүй юм” гэсээр угтдаг гэсэн. Иймэрхүү ажлыг гадныхан голдуу хийдэг бөгөөд өндөр цалин авдаг ажээ.

Эндхийн монголчууд төдийгүй уугуул иргэд хүнс, бараагаа Женевээс барагтай л бол авдаггүй гэсэн. Тав, зургаан жил амьдарч байгаа мөртлөө хотынхоо хүнсний дэлгүүрээр орж үзээгүй хүмүүс ч байх юм. Яагаад гэвэл Женев өртгөөрөө дэлхийд дээгүүрт бичигдэнэ. Тэр хэрээрээ хүнсний бүтээгдэхүүнээс авахуулаад юм юмны үнэ харьцангуй өндөр. Тиймээс Франц руу давхиж ороод хэрэгтэй зүйлээ авчихдаг гэсэн. Женевтэй хиллэдэг Францын буйдхан хотод юмны үнэ харьцангуй хямд. Машинаар 10 хүрэхгүй минут, алхаад гучхан минутын дотор хүрчихдэг болохоор бүгд л хил гараад дэлгүүр хэсдэг ажээ.

Женев хотод олон улсын байгууллагуудын төв байдаг гэдгээрээ алдартай. НҮБ-ын төв байрны өмнө очиж Монголынхоо алтан соёмбот төрийн далбааг харж хэсэг зогсов. НҮБ-ын төв байрны хамгаалалтад АНУ-ын цагдаагийнхан гардаг юм билээ. Ойролцоо байх Улаан загалмайн нийгэмлэгийн төв, дэлхийн худалдааны төв, дэлхийн цаг уурын төв байгууллага гэхчлэн олон улсын тодотголтой байгууллагуудын төв энд байрлажээ. НҮБ-ын төв байрны өмнөх талбайд нэг хөл нь хугархай сандал байдаг. 12 метрийн өндөртэй энэхүү сандлыг 5.5 тонн мод ашиглах хийжээ. 1997 онд мина буюу тэсрэх бөмбөг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцид эрх бүхий хүмүүс гарын үсэг зурахгүй удсан гэнэ. Тэр үеэр Даниель Берсе, Луи Женев гэх хоёр хүн энэхүү сандлыг бүтээж талбай дээр байрлуулсан түүхтэй. Олон нийт конвенцид гарын үсэг зуртал энэхүү сандлыг талбайгаас холдуулахгүй хэмээн мэдэгдэж байсан ч өнөөг хүртэл байсаар байгаа. Сандалтай холбоотой бас нэгэн яриа байдаг ажээ. Хүний эрх, эрх чөлөө, энх тайвныг хамгаалахаар хуралдаж буй гишүүд сандлаа хугартал ярилцаж, ухаан алдталаа хуралдсан ч бодит байдал дээр энх тайван хугархай хөлтэй сандал шиг дэгэн догон байгаа гэдгийг илэрхийлэх болжээ.

Хотын төвөөр зугаалан алхахад нэг бол бэлтгэлийн хослолтой гүйж байгаа, эсвэл ажил хэрэгч хувцастай хүмүүстэй таарч байв. Энгийн жийнсэн өмдтэй, богино цамц өмссөн хүмүүс хаа нэг таарах бөгөөд зургийн аппарат барьсан, энэ тэрийг сониучирхан харж байгаагаас нь жуулчин байна гэдгийг төвөггүй ойлгож байлаа. Гудмаар “Ferrari”, “Bent­ly”, “Rolls royce” тэргүүтэй дэлхийд хамгийн үнэтэй, тансагт тооцогдох машинууд сүлжилдэнэ. Таксинд л гэхэд сүүлийн үеийн загварын “Mer­cedes benz” явах ажээ. Хоолны газрууд нь голдуу цагаан хоолтой юм шиг санагдсан. Гурван ч ресторанаар ортол цагаан хоолтой болохоор нь гудмаас шарсан зайдас, пицца аваад идчихлээ. Өртөг өндөр, бараг ус ч авч уух хэрэггүй гэж байсан болохоор үнэ ханшийг нь нэлээн асууж байж хооллосон. Нэг зүсэм пицца, шарсан зайдас, хачиртай идэхэд найман евро буюу 16 мянган төгрөг орчим болж байв. Ерөнхийдөө өртөг өндөр гэж байгаа мөртлөө Улаанбаатараас нэг их ялгарахаагүй санагдаж байлаа. Үүнээс үзэхэд бид ямар үнэтэй тансаг хотод амьдарч байна вэ. Гэхдээ Улаанбаатар тийм тансаг билүү. Зүгээр л бие биеэ шулах гэсэн хоосон үнэтэй, тохь тухгүй, уур уцаар, утаа тоостой хотод бид амьдарнам.

Categories
мэдээ цаг-үе

Гунигтайхан харж учиртайхан инээмсэглэх МОНА ЛИЗА

Францад очих хүсэл ихэнх залуу бүсгүйд байдаг байх. Би тэдний нэг болохоор аялж явахдаа хурдхан шиг Парист очих юмсан гэж мөрөөдсөөр явлаа. Романтик залуучууд, ганган хүүхнүүдийг харахаар Парист ирэв. Бусад хоттой харьцуулахад ёстой нэг түм түжигнэсэн их хөлийн газар уу даа гэх сэтгэгдэл төрж байна. Хотын төвд ирээд юун түрүүнд Луврын музейг үзэхээр боллоо. Тасалбар нь 15 евро гэв. Луврын му­зейн барилгыг 1180-1223 оны хооронд төрийн эрх барьж байсан Филипп Август хааны зарлигаар барьжээ. Хотын нэгдүгээр дүүрэгт, Сена мөрний баруун эрэгт байх ордныг англичууд болон нор­манчуудын довтолгооноос хам­гаалахын тулд өндөр ха­шаагаар хүрээлүүлэн барь­сан түүхтэй. Дотроо тансаг ч гэлээ гаднаас нь харахад хэрэм, цайзтай төс­тэй харагдах хааны ордныг 1564 онд хатан хаан Катерин Медисис засварлажээ. Дай­ныг санагдуулам хүйтэн сэт­гэгдэл төрүүлэх төрхийг нь эмэгтэй хүний сэтгэмжээр бүрэн өөрчлөхийн зэрэгцээ маш том цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна. Үүний да­раа Европын хамгийн тансаг ордны нэгд тооцогдох болжээ. Хожим есдүгээр Луис хааны үед ордныг өргөжүүлэн хэд хэдэн танхим нэмж барьсан гэдэг. Харин музей болсон нь 1793 оны наймдугаар сарын 10. Өдгөө Луврын музей нийт 210 мянган м2 талбайтай. 60.6 мян­ган м2 талбайд нь өрнийн Европын буюу Грек, Иран, Египет, Ойрх Дорнодын бүс нутгуудын түүхийг өгүүлсэн 35 мянган гайхамшигт уран зураг, баримал, хөшөө, вааран эд­лэл, археологийн олдворууд бий. Хүн төрөлхтөний сод бүтээлийг үзэхээр жилд 10 сая хүн Луврыг зорьдог гэх тооцоо байна.

Тасалбар авахад “Та аль хэсгийг үзэх вэ” гэж асуув. Бүх үзмэрүүдийг нь үзэхэд дор хаяж гурван сар шаардагдах болохоор түүхийн аль хэсгийг сонирхож буйгаа хэлэх хэ­рэгтэй. Олон сод бүтээлээс жинхэнэ Мона Лизаг харах хүсэлтэй ирсэн болохоор зүүн урд жигүүр дэх эртний урлагийн салбар танхимыг чиглэн алхлаа. Хана дагуу гол үзмэрүүдийн нэрийг бичин хаджээ. Мона Лиза хүртэл эртний Францын уран зураг, хө­шөө баримлыг сонирхон урт хон­гилоор алхав. Олон хүн байх ч тэр том барилга дотор тарчихаар аль нэг үзмэрийн өмнө шавдаггүй ажээ. Эртний хаад, хатдын хөрөг зураг, суут сэт­гэгчдийн уран баримал, бид­ний амьдарч буйгаас хэдэн зуун жилийн өмнөх хотуудын ерөнхий төлөв гэхчлэн үзэж харах зүйл ихтэй. Олон зуун жилийн өмнөх түүхийн гэрч болсон урлагийн бүтээлүүд өнөөг хүртэл өнгө, үзэмжээ алдаж гэмтээгүй нь сайхан юм. Ямар ч онгож муудсан, хагарч гэмтсэн үзмэр байхгүй. Өчигдөрхөн шинээр урлаа юу гэмээр харагдах музейн үзмэрүүдийг гайхах, бахархах сэтгэл төрж байлаа. Гоё сай­ханд ч биш, яаж ийм урт ху­гацаанд шинээр нь хадгалж чадсан юм бол гэж бодсоор Мона Лизаг байрлуулсан тан­химд орж ирэв. Энд хаанаас гараад ирэв гэмээр олон хүн шавжээ. Цайвар шаргал өнгийн хананд алдарт Мона Лизаг өлгөсөн байв. Музейн бусад үзмэрүүдийг ямар нэ­гэн байдлаар тусгаарлаагүй хэрнээ ганцхан Мона Лиза­гийн өмнүүр шилэн хаалт хийжээ. Барагцаалбал 80*60 хэмжээтэй хөргийг боронзон өнгийн жаазаар хүрээлсэн байв.

Дэлхийд суу алдар нь түг­сэн энэхүү зургийг англиар Мона Лиза, итали, францаар Жоконда гэдэг. XVI зуунд алдарт зураач Леонардо да Винчигийн зурсан Мона Лизаг “Гунигтайхан харж, учир­тайхан инээмсэглэх бүс­гүй” гэдэг бөгөөд уран зургийн түүхэнд хэдэн зуун жилийн турш хүндтэй байр суурь эзэлж байгаа. Зурж дууссан цагаас нь хойш Мона Лизагийн инээмсэглэл ямар учиртай вэ, зураач хэнийг ингэж зурав гэх мэт түм буман асуулт хөвөрдөг хэдий ч өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй л байна. Тэр бүү хэл Мона Лиза дээр зураач гарын үсгээ зурж, он сараа тавьсангүй. Бүр Луврт байгаа Мона Лиза жинхэнэ мөн үү, хуулбар биш байгаа гэсэн хардлага урлаг судлаачдын дунд бий. Ямартай ч энэхүү бүтээлийн тухай “Байгаль, хөрөг хоёрын зохицолдлого Леонардо да Винчийн бүтээл гэдгийг бүрэн төгс баталж байна.

Пирамид загварын зо­хиомж, хагас хөндлөн суусан байр­лалаас зураачийн авьяас, техникийг илэрхий харж болно” гэж дэлхий даяар дуу нэгтэйгээр баталдаг ажээ. Сонирхолтой нь төгс бүтээ­лийг олон жил судалсан хү­мүүс “Мона Лиза бол жирийн нэг эмэгтэйн зураг. Олон үеэр давхарлан зурсан зу­рагны доор Ленардо да Винчигийн өөрийнх нь хөрөг бий” гэж шуугих болжээ. Үнэхээр зураач Мона Лизаг зурж байхдаа хүн төрөлхтөнд суут бүтээл үлдээж байгаа гэдгээ мэдэрсэн байж болох юм. Түүхэнд “Зураач өөрөө будгаа найруулсан. Найз нөхөд, гэр бүлийнхээ хэнд ч харуулалгүйгээр бү­тээлээ дуусгасан. Хамгийн их итгэж, юугаа ч үл нуудаг байсан туслахаа хүртэл ойртуулалгүйгээр зурсан” хэмээн тэмдэглэгджээ. Тиймээс өнөөг хэр дуурайж зураг хүсэлтэй ямар ч хүн “Мона Лизаг дахин амилуулж чадахгүй байгаа гэж тайл­барладаг юм байна.

Луврт ирсэн хүн бүр энэ­хүү бүтээлийн өмнө зур­гаа авахуулж байв. Зургийг харсан хүмүүс нүд, уруул, үс, арын байгаль гэхчлэн зургийг хэсэгчлэн харж нэг бүрчлэн цоо ширтэх ажээ. Бүр нэг гараараа эрүүгээ тулж зогсоод бодолд автан харах ажээ. Эргэн тойронд нь юу болж байгаа, дэргэд нь хүмүүс ирж зогсож байгааг анзаарч байгаа шинж алга. Тэртээ XVI зуунд, бүсгүйн дэргэд очоод зогссон мэт бодол санаагаараа уусан шингэжээ. Бусдын адил Мона Лизаг ширтэн хэсэг зогсов. Анх харахад энгийн л зураг мэт байснаа аажмаар инээмсэглэж байгаа аятай санагдлаа. Үнэхээр л өөдөөс хараад хөнгөн гунигтай ч юм шиг нүдээрээ нэгийг хэлж, үл мэ­дэг инээмсэглэх уруулаараа нө­гөөг сануулах шиг болов. Удаан хараад байвал амьд мэт мэдрэмж төрүүлэх алдарт Мона Лизатай “уулзах” гэж, нүдийг нь ширтэх гэж, уруулынх нь инээмсэглэлийг олох гэж дэлхийн хүмүүс Луврт ирдэг ажээ.

Музейн ажилтнууд ган­цаараа яваа жуулчдын зургийг авч өгөн тусална. Цааш явсаар эртний Грекийн уран баримал, Наполеон хааны үеийн уран зургийг сонирхлоо. Музейн өөр нэг хэсэгт байх үнэт чулууны цуглуулгыг үзэх хүсэлтэй бай­сан ч аль хэдийнэ гурван цаг өнгөрч хөтөчтэйгээ уулзах болжээ. Үнэт чулууны хэсэгт Энэтхэгээс олдсон “Регент” нэртэй 137 каратын алмааз эрдэнэ байдаг гэсэн. Бас үе үеийн Оросын ихэс дээдсийн гар дамжиж ирсэн “Үхлийн хараал” нэртэй алмааз бий. “Үхлийн хараал” алмааз очсон эзэндээ гай түйтгэр авчирч, үе удмаар нь хүйс тэмтэрдэг бөгөөд 1852 онд Луврын музейд ирсэн юм билээ. Хараалтай алмаазыг сонирхож ширтэх нь бүү хэл зэрвэсхэн хараад өнгөрөх төдийд муу зүйл тохиолддог гэх аман яриа байдаг.

Музейн хана, тааз тэр чигтээ уран зургаар дүүрсэн байв. Хаан, хатдын титэм, ал­­­­дартай жанжнуудын сэлэм, язгууртан авхай нарын үнэт эдлэл гээд түүхийн он жилүүдийг бодитоор дурсах Луврыг орхин явлаа. Гадаа нь өн­гөт арьстангууд Эйфеллийн цам­хаг, Луврын музей зэрэг Франц улсын нэрийн хуудас болсон бүтээн байгуулалтын су­винер худалдах ажээ. Мөн цагаан арьстай хүнийг хамтдаа зур­гаа авахуулъя гэсээр нэг евро нэхэж байлаа.

Эндээс холгүй Наполеон хааны Ялалтын цагаан хаалга бий. Энэхүү хаалгыг 1806 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр нэгдүгээр Наполеон тушаал өгч бариулжээ. Бүтээн байгуулалтын ажил гучин жилийн турш үргэлжилсэн гэдэг. 50 метрийн өндөртэй, 45 метрийн өргөнтэй, дэлхийн хам­­гийнтомхаалгыгНаполеон өөрийн Ялал­тыг тэмдэглэхэд зо­риулж босгожээ. Дайн дуу­сахад цэргүүдээ энэхүү хаал­ганы доогуур жагсан гарахыг тушаасан бөгөөд Франц улс дайнд хэзээ ч ялагдаж болохгүй гэх утгыг илэрхийлж байжээ. Хожим хаалганы зүүн баганын дор дэлхийн нэгдүгээр дайнд амиа алдсан нэр нь үл мэдэгдэх цэргийг оршуулсан гэнэ. Түүнээс хойш өдөр бүрийн 18.30 цагт дайнд оролцож явсан цэр­­гүүдийн дурсгалд зориулан хүндэтгэлийн бамбар асаадаг болжээ.

Хаалганы гадна талын ханан дээр франц цэргүүдийн байлдаж буй зургийг сийлсэн байв. Харин дотор талд нь их хувьсгалын үеийн дайны нэр, тулаанд амь үрэгдсэн баатруудын нэрийг бичсэн байлаа. Одоогоос гуч гаруй жилийн өмнө гадны жуулчид, ялангуяа германчууд Наполеоны хаалган дээр очих дургүй, бүр зүглэдэг ч үгүй байсан бол өдгөө жуулчдын очдог гол газруудын нэг болоод байгаа гэнэ. Германчуудын очдоггүй байсан шалтгаан нь дайнд ялагдсантай холбоотой. Өвөг дээдсийнх нь цусыг урсгаж байсан франц цэргүүдийг хүндэтгэх шалтгаан тэдэнд байхгүй учраас Наполеоны хаалга руу зүглэдэггүй гэсэн. Бусад орны жуулчид ч бас муу энергитэй газар гээд очдоггүй байжээ.

Парис хотын төвд 2.5 сая хүн амьдардаг. Дэлхийн өнцөг булангаас сард зургаан сая жуулчин ирдэг гэнэ лээ. Тэгэхээр хэн нь франц вэ гэдгийг ялгаж чадахааргүй са­нагдав. Гудмаар энгийн, чө­лөөт байдлаар хувцасласан хүүх­нүүд алхана. Уг нь ихэнх монгол эрчүүдийн төсөөлдөг гоо сайхны туйл болсон хөөр­хөн царайтай, өөлөхийн ар­гагүй төгс галбиртай, ихэмсэг хэрнээ дэгжин хувцасласан, зөрж өнгөрөхөд мартахын аргагүй үнэр шингээсэн тийм л бүсгүйчүүдийг харна гэж төсөөлж байлаа. Гэтэл биднээс нэг их илүү гараад байхгүйг нь хараад сэтгэл амрах шиг болов. Харин жинхэнэ гоё хүүхнүүдийг Парис хотын төвд байх “Мулен руж” шоу цэнгээний газраас харах ажээ. Зорсон юм шиг гуалиг биетэй, хүнхэр нүд, дэрвэгэр сормуустай үзэсгэлэнт бүжигчин бүсгүйчүүд “Мулен руж”-д цугладаг юм байна. Төгс сайхан биеийнхээ гоо үзэсгэлэнг гайхуулан хувцаслахдаа ихэнх хэсгээ ил гаргажээ.

Кабаре шоунд бүжиглэдэг тэднийг харах гэж, хамтдаа зургаа авахуулах гэж эрчүүд дэлхийн хаанаас ч хамаагүй ирдэг гэсэн. Бүсгүйчүүд нь ч сайхан зантай гэж жигтэйхэн. Өөр рүү нь харж бахдан баясаж байгаа хүн бүртэй эелдэгээр зургаа авахуулна. Сайхан зан нь хөдөлбөл зарим нэгийнх нь хацар дээр үнсэж мартахын аргагүй дурсамж үлдээх ажээ. Хамгийн гоё бүжиглэдэг хүүхнүүд “Мулен руж”-д тэнцдэг хэдий ч голдуу францчуудыгаа авдаг гэсэн. Эндхийн уур амьсгалыг дагаад кабаре шоу үзэхээр ирсэн хүмүүс дэгжин хувцасладаг юм байна. Эрчүүд нь хослол өмсөж хүүхнүүд нь үдшийн хүлээн авалтад зориулсан гэмээр даашинзаар гоёжээ. Шоу үзэх гэсэн боловч та­салбар аль хэдийнэ дууссан гэнэ. Хамгийн эрэлттэй шоу­нуудын нэг болохоор тасалбарыг нь онлайнаар борлуулдаг бөгөөд суудлын зэрэглэлээсээ хамаарч 30-500 еврогийн үнэтэй. 500 еврогийн тасалбараар тусгай зэрэглэлийн суудалд тухлах бөгөөд бүжигчин бүсгүйчүүдтэй нэг оройг наргиж өнгөрөөдөг гэсэн.