Categories
мэдээ цаг-үе

Монголд тарьсан усан үзэм нэг кг нь 20 мянган төгрөгийн үнэтэй

“Ногоон сор”
ХХК-ийнхан усан үзэм тарьж Монголдоо анхдагч болж байна. Манайд усан үзэм ургаж
байна гэхээр олон хүн гайхаж байгаа биз. Гэхдээ усан үзэмний мод суулгаад,
ургац хураагаад, бүр худалдаанд гаргаж эхэлжээ. Гурван жилийн өмнө Солонгос
улсаас хүрэн усан үзэмний мод авчирч хүлэмжинд суулгасан нь тухайн жилдээ овоо
ургасан гэнэ. Сортоосоо хамаарч ургац өгөх хугацаа нь харилцан адилгүй байдаг
болохоор өнгөрсөн жил анхны жимсээ өгчээ. Дээжээс нь зах зээлд нийлүүлэхэд “Маш
гоё амттай байна” гэх үнэлгээ авч урамшжээ. Гэхдээ эхний жил бага ургац авдаг
болохоор олонд тэгтлээ танигдалгүй өвөлтэй золгосон байна. Харин энэ жилээс
арвин ургац хурааж худалдаанд гаргажээ. Хүрэн усан үзэм нэг кг нь 20 мянган
төгрөгийн үнэтэй. “Барс” захын хажууд байх “Буудай” төв, “Меркури” худалдааны
төв зэрэг газраас худалдаж авч болох юм байна. Амтны хувьд Хятад усан үзэмтэй
харьцуулахын аргагүй. Элдэв гашуун амтгүй. Зөөлөн чихэрлэг амттай юм билээ.

Эднийх усан
үзэмнээс гадна гүзээлзгэнэ, өргөст хэмх, улаан лооль, тарвас тарьж байгаа. Тус
компанийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр БНСУ-д хүлэмжийн аж ахуйд туслах ажилтнаар
ажиллаж байгаад эх орондоо иржээ.

Тэнд найман
жилийн турш ажиллахдаа сурч мэдсэндээ тулгуурлан хүлэмжийн аж ахуйтай болохоор
шийджээ. Анх Баянзүрхийн товчооны зүүн хойд талд дөрвөн хүлэмж барьж
гүзээлзгэнэ тарьж эхэлсэн гэнэ. Хэдийгээр тэнд ажиллаж байхдаа бүх зүйлд
оролцдог байсан боловч нарийн ширийнээс хол явснаа ойлгож мэргэжлийн хүнгүй бол
хэцүүдэх нь гэдгийг ойлгосон гэнэ. Манайд гүзээлзгэнэ тарихад нарийн зөвлөгөө
өгөх мэргэжилтэн ховор байсан учраас Солонгосоос хоёр мэргэжилтэн урьж авчирчээ.
Улмаар заавар зөвлөгөө авч гэр бүлийнхнээ дайчлан гүзээлзгэнэ тарих ажилд
ханцуй шамлан орсон байна. Гүзээлзгэнэ тарих амаргүй гэсэн. Яг л бага насны
хүүхэд арчилж байгаа мэт тордохгүй бол ургацаа өгөхгүй. Өрөөний хэм, чийгшлийг
тогтмол хэмжээнд барихгүй бол болохгүй. Байх ёстой дулаанаас ганцхан хэмээр л
зөрүүлэхэд унжийчихдаг гэсэн. Хэрэв бүх зүйлийг нарийн тааруулж чадвал өгөөжөө
хурдан өгнө. Үрсэлгээгээ суулгаснаас 45-60 хоногийн дараа л гэхэд цэцэглээд
ирнэ. Цэцэг нь жимс болно. Жимсээ хурааж авахдаа мөчрийг тэр чигтээ тасдаж
болохгүй. Хэрэв тасдчихвал жимсээ дахиж өгөхөө болино. Зөв хурааж аваад,
усалгаа болон орчныг нь байх ёстой горимд барьж чадвал бүтэн гурван сарын турш
ургац өгдөг ажээ. Үрийг нь АНУ болон БНСУ-аас авчирдаг. Ургац хэр зэрэг авах нь
үрээсээ бас хамаарна. Тиймээс маш сайн чанарын үрийг оруулж ирдэг гэсэн. Сайн
чанарын үртэй, арчилгаа сайтай, хүлэмжнийхээ чийг, хэмийг зөв тохируулбал
өнжөөд 100 кг гүзээлзгэнэ хураадаг юм байна. Одоогоор гүзээлзгэнээ граммлан
зарж байгаа бөгөөд 300 гр-ын савлагаатай нь 15 мянган төгрөг.

Тус компанийн
хүлэмжний агрономич Ж.Ганхуяг гүзээлзгэнийхээ хүлэмж рүү дагуулан оров. Шинэхэн
жимсний үнэр хамар цоргихын зэрэгцээ зөгийн дүнгэнэх нь сонсогдоно. Эрхий
хурууны хэмжээтэй гүзээлзгэнэ газраар нэг ургажээ. Мэдэхгүй хүн буруу тасдаж
аваад дахин цэцэглүүлэхгүй болгодог тул болгоомжтой байхыг анхааруулав. Зөв
тасдаж авахыг заалгаж аваад хэд хэдийг түүв. Амт гэж янзтай. Солонгос, Хятадаас
оруулж ирдэг амт муутай гүзээлзгэнийг бодвол яг л уулнаас түүсэн мэт час хийж
байна. Ганц нэг хэлбэр муутай жимс таарсан нь зөгийтэй холбоотой гэнэ. Зөгий
эр, эм цэцгийн тоосыг бие биед нь хүртээснээр гүзээлзгэнэ зөв хэлбэрээ олдог
ажээ. Эднийх анхны жил үүнийг мэдэлгүй тариад л байж. Гэтэл нэг л хэлбэр галбир
муутай мөртлөө амттай жимс ургажээ. Харин дараа жил нь Дарханаас 10 мянган
зөгий авчирч тавихад хэлбэр нь засраад арвин их ургац өгсөн гэнэ.

“Ногоон сор” ХХК
гүзээлзгэнэ тарьж болохыг мэдсэн хойноо өргөст хэмх, улаан лооль, тарвас тарьж
эхэлжээ. Анхны дөрвөн хүлэмж багадаад байсан болохоор Төв аймгийн Эрдэнэ сумын
нутагт буюу Цонжин болдогт долоон га газартай болов. Өдгөө гурван га-д хүлэмж
барьж жимс, ногоо тарьж байгаа юм байна. Одоогоор 32 хүлэмжтэй. Чингис бондоос
2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авч хүлэмжүүдээ барьсан гэсэн. Өргөст хэмх,
улаан лоолийг жилдээ хоёр удаа тарина. Дундаа нэгээс хоёр сарын хугацаатай
амраана. Харин гүзээлзгэнийг жилийн дөрвөн улирлын турш тасралтгүй тарих
боломжтой. Тарвасны тухайд дөрөвдүгээр сарын сүүлээс арваннэгдүгээр сар хүртэл
тарина. Жимс, ногооныхоо төрлийг нэмэгдүүлэхийн тулд гаднаас үр авчирдаг гэсэн.
Тарвас гэхэд гурван төрлийнхийг тарьж байгаа юм байна. Гадна тал нь шар дотроо
улаан, гаднаа хар ногоон боловч дотроо шар өнгөтэй. Нөгөөх нь ердийн тарвас.
Тарвасны мод дээшээ ургадаг бөгөөд жимсээ даахгүй болох үед газарт буулгадаг
ажээ. Усалгааг нь зөв тохируулж чадвал 800 м2 талбайгаас өдөр бүр нэг тонныг
хурааж авдаг гэсэн. Үүнийгээ зах зээлд нэг кг-ийг нь 3500 төгрөгөөр зарж байгаа
ажээ.

Өргөст хэмхний
тухайд урт, богино хоёр төрлийнхийг тарьдаг. Өнжөөд хоёр тоннын ургац авдаг
гэсэн. Ургацаа нэг кг-ийг нь 2000-2500 төгрөгөөр үнэлж байгаа гэсэн. Харин
улаан лооль ердийнхийг тарьдаг. Харин энэ жилээс туршилтын журмаар хүрэн
өнгөтэй үр суулгажээ. Хоёр хоногт 700-800 кг ургац хурааж байгаа бөгөөд нэг кг
нь 3500-4000 төгрөгийн үнэтэйгээр худалдаанд байгаа юм байна. Эднийх жимс,
ногооныхоо үрийг гаднаас авчирдаг. Ихэвчлэн БНСУ-аас оруулж ирдэг бөгөөд зарим
тохиолдолд урд хөршийн хамгийн сайн чанарын үзүүлэлттэй ногооны үр оруулж ирдэг
юм байна. Үрээ авахдаа хамгийн сайн чанарынхыг сонгоно. Сайн чанарын үр өндөр
үнэтэй. Гэхдээ мөнгөө бодоод хямд үр авчихвал богино хугацаанд ургаж, ургацаа
бага өгдөг юм байна.

“Ногоон сор”
ХХК-ийн ажилтнууд өглөөний 05 цагаас ажлаа эхэлнэ. Шинэхэн ургацаа 07 цагт
хотод хүргэдэг юм байна. Нэг ёсондоо өдөр бүр шинэ ургац нийлүүлдэг гэсэн үг.
Гаднаас орж ирж байгаа жимс, ногооноос ялгарах онцлог нь бордоо. Химийн
гаралтай ямар ч зүйлийг ашигладаггүй гэсэн. Зөвхөн хонины бууц, тахианы
сангасаар борддог. Хонины бууцаа хөдөө айлуудаар яваад цуглуулчихна. Малчид
бууцаа яаж цэвэрлэх вэ гээд байж байдаг болохоор хотыг нь цэвэрлэнгээ авчихна.
Бас болоогүй танай хонины бууцаар бид ийм зүйл ургуулж байна гээд
бүтээгдэхүүнийхээ дээжээс өгдөг гэсэн. Тахианы сангасыг ч бас ийм маягаар олно.
Тахианы фермтэй газар очоод хаях гэж байгаа сангасыг нь авчихдаг гэсэн. Ингэж
байгалийн бордоо хэрэглэснээр цэвэр байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн авдаг
ажээ. Ашгаа бодоод, гүзээлзгэнээ том ургуулахын тулд янз бүрийн химийн бордоо
ашиглаж болох ч хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдэлдэг юм байна. Гаднаас орж
ирсэн жимс, тэр дундаа гүзээлзгэнэ том байдаг нь химийн бордоотой холбоотой
ажээ.

Эднийх усалгаагаа
гүний худгаар шийджээ. Хашаандаа гурван гүний худагтай. Системийн тухайд
харилцан адилгүй. Тухайлбал, гүзээлзгэнийг л гэхэд дуслаар усалдаг систем
ашигладаг гэсэн. Өргөст хэмх, улаан лоолийг гаднаасаа төв шугам гүйлгэж байгаад
дотроо шалаанк гүйлгэж задгайгаар усалдаг гэнэ. Өвлийн хүлэмжүүд нь дотроо
паартай юм. Паараа уурын зуухаараа халаачихна. Бас хүлэмж бүрт нэмэлт зуухтай
болохоор шаардлагатай тохиолдолд галладаг ажээ. Уг нь хүлэмжийн аж ахуй газар
тариалангийн бусад салбарыг бодвол ургац алдана гэх зүйл харьцангуй багатай ч
гэлээ маш их арчилгаа шаарддаг юм байна. Бас өвөл цасанд дарагдах тохиолдол
байдаг гэсэн. Гэхдээ байгалийн гамшиг л тохиолдохгүй бол эрсдэл харьцангуй
бага.

Ногоон сор”
ХХК-д 40 гаруй хүн ажилладаг юм байна. Бүгд л шинийг санаачлан Монголд ямар
жимс ургуулж болохыг судалдаг гэсэн. Усан үзэм тарихаасаа өмнө тоор тарьж үзтэл
жимсээ өгч бөөн баяр болжээ. Гэвч тухайн үед шинэ хүлэмж бариад ажил ихтэй
байсан болохоор дахиж тариагүй гэсэн. Ямар ч байсан ургах юм байна гэдгийг
мэдсэн болохоор ойрын хэдэн жилдээ худалдаанд гаргах хэмжээнд тарина гэж
байлаа. Эндхийн мэргэжилтнүүд “Монголд гадил тэргүүтэй халуун орны жимс л
ургахгүй байх. Бусад нь ургах боломжтой” хэмээн ярьж байна.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл танайд-өнжье туслах-ангилал

Уртын дуугаараа овоглосон Д.ЖАВХААСАЙХАНЫХ

Монгол Улсын соёлын тэр­гүүний ажилтан, дуу­чин Д.Жавхаасайхан, Д.Үүрийн­туяа нарынхаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлт­гэлээ. Эднийх Удирдлагын академийн урдах “Богдын өндөр” хотхонд байдаг. Үдээс өмнө 11 цагт очиход Д.Үүрийнтуяа “Дасгалдаа яваад дөнгөж сая орж ирлээ” гэсээр угтав.

Тэрээр өглөө бүр бүжгийн дугуйланд явдаг ажээ. Үргэлж олны нүдэн дээр байдаг болохоор гадаад төрх, хувцаслалтандаа анхаарал байнга тавьдаг гэсэн. Харин гэрийн эзэн Д.Жавхаасайхан хүүхдүүдтэйгээ хамт биднийг ирэхийг хүлээж байжээ. Эднийх хоёр өрөө орон сууцанд ам бүл дөрвүүлээ амьдардаг юм байна. Урлагийнх гэхээсээ уяачийнд ороод ирэв үү гэмээр морины олон сувинерээр гэрээ гоёжээ. Бас зочны өрөөний хойморт нэлээд ур шаардаж оёсон болов уу гэмээр найман шарга морь жаазанд хийн залсан байв. Хараа булаам энэхүү зургийг гэрийн эзэгтэй гурван сарын турш оёж ханьдаа бэлэглэжээ. Д.Жавхаасайхан хар багаасаа адуу малд хайртай байсан болохоор гэрт нь хурдан морьтой холбоотой олон сайхан зүйл байдаг юм байна. Гэрийн эзэн ч морины тухай ам хуурайгүй ярьж байв. Энэ хооронд Д.Үүрийнтуяа хоол, цай бэлдээд ширээнд урилаа. “Та нарыг ирсэн болохоор өөрийнхөө брэнд хоолыг хийлээ” гээд банштай цай аягалав. Хөлс гаргаж, ядаргаа тайлмаар түүний хийсэн цайг уунгаа дуучин хосын анх танилцсан түүхийг яриуллаа.

Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа хоёр СУИС-ийн уртын дуучны ангийг төгсчээ. Д.Үүрийнтуяаг нэгдүгээр курст ороход Д.Жавхаасайхан дээд курст нь байсан гэнэ. Нэг мэргэжилтэй, нэг багшийн шавь нар учраас хичээл, бэлтгэл дээр байнга таарна. Аажимдаа хамт хичээлээ давтаж явсаар нэг мэдэхэд бие биедээ дасчихаж. Д.Жавхаасайхан ч Д.Үүрийнтуяаг хичээлээ давтахад нь тусалж мэдэх зүйл дээрээ зөвлөгөө өгч явсаар төгсөх курст байхдаа үерхэж эхэлжээ. Удалгүй сургуулиа төгсч Солонгос руу нэг жилийн хугацаатай тоглолт хийхээр явсан байна. Тэр үед дөнгөж бие биедээ татагдаж байсан хосууд хилийн дээсээр хязгаарлагдан нэг нэгийгээ зүйргүй ихээр санаж байсан гэнэ. Энэ тухайгаа Д.Үүрийнтуяа “Ёстой нэг айхтар санаж байж билээ. Тэр үеийн санахын жаргал бид хоёрыг хэзээ ч салшгүй, заяаны хань болгосон” гэж дурсав. Тухайн үед өнөөгийнх шиг цахим сүлжээ тэгтлээ хөгжөөгүй байж. Тэгээд ч хөдөө өссөн хүүхдүүд болохоор интернэт ашиглан дүрсээ харж ярихыг ч мэддэгүй байсан гэнэ. Тиймээс бие биедээ захиа бичнэ. Хамгийн гоё дэвтрийнхээ голоос урж байгаад л байдаг гоёороо дарамалдан бичдэг байжээ. Хэрэв нэг үг буруу, эсвэл муухай биччихвэл дахин шинээр бичдэг байсан нь тухайн үедээ үгээр хэлшгүй аз жаргал мэдрүүлдэг байжээ. “Чамдаа хайртай. Чамайгаа маш их санаж байна. Чанга тэврэн үнсье. Удахгүй хоёулаа хамт амьдарна аа” гэж сэтгэлийн нандин бүхнээ шингээсэн захиагаа Солонгосоос Монгол руу, Монголоос Солонгос руу явж байгаа хүнд дайна. Бас болоогүй хайртай түүнийхээ дуртай зүйлийг нь бэлэг болгон өгөх гэж хичээнэ. Д.Үүрийнтуяа Сөүлд байгаа түүндээ борц, мах, ааруулнаас эхлээд хэрэгтэй бүхнийг нь өгөх гэж хичээдэг байжээ. Д.Жавхаасайхан ч бас “Хэдэн размерын гутал өмсдөг юм бэ. Чамдаа гоёлын өндөр өсгийт явуулах гэсэн юм” гэсээр асуудаг байсан гэнэ. Монгол руу бүр мөсөн ирэх үедээ хэдэн тор дүүрэн хувцас авчирч өгч байжээ. Д.Жавхаасайхан “Хол байсан болохоор маш их санадаг байлаа. Дэлгүүр хэсч хайртай хүндээ хувцас сонгож санасан сэтгэлээ аргаддаг байсан” гэж дурсав. Тухайн үед бичиж байсан хайрын захианууд нь эдний гэрийн нандин өв болжээ. Захиагаа үе үе гаргаж ирэн уншихаар тэр үедээ дахиад очсон юм шиг хайр, догдлол мэдрэгддэг гэсэн. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл хамтдаа амьдрахдаа олон сайхан аз жаргалтай дурсамжийг бие биедээ үлдээх болжээ. Тэр дундаас хэзээ ч мартагдашгүй нь 2010 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр. Энэ өдөр том охин Ж.Анударь нь мэндэлжээ. Д.Үүрийнтуяа дөнгөж амаржаад удаагүй байтал эмнэлгийн гадаа догдлон зогсоо хань нь “Охиноо хармаар байна” гээд байж сууж чадахгүй байж. Тэгэхээр нь эмч, сувилагчийн нүдийг хариулж байгаад хүүхдээ хөнжилд нуугаад нэг давхарт байх нөхөр дээрээ аваад очжээ. Д.Жавхаасайхан ч хүүхэд рүүгээ нэг гайхсан, нэг үл итгэсэн харцаар хараад байсан гэнэ. Түүнд “Миний хүүхэд шүү дээ” гэж бодохоор л үгээр хэлэхийн аргагүй аз жаргалтай хэрнээ тийм нэг сонин мэдрэмж төрөөд байжээ. Энхрий жаахан охин үр минь гэж бодохоос л сэтгэлийн гүнээс хайр ундарч түүнийгээ үгээр илэрхийлэхэд хэцүү байсан гэдэг. Маргааш нь гэргий, хүүхдээ эмнэлгээс гаргаж авчраад шөнө өвөртлөөд унттал нэг ч хором цурам хийгээгүй гэнэ. Өөдөсхөн охиныхоо үнэрт сэтгэл нь нялхраад, хараад л баймаар санагдаад байжээ. Тэр шөнөө үе, үе өндийж харсаар өглөө болгож байсан гэнэ. Харин бага хүү нь 2012 онд төржээ. Хүүтэй болсон гэдгээ мэдээд Д.Жавхаасайхан “Морь унуулах хүүтэй боллоо” гээд бас л бөөн баяр болж байсан гэнэ. Энэ түүхийг хуучлан суухад Ж.Анударь охин дүүтэйгээ хамт өрөөндөө тоглож байв. Хүүхдийн сониуч зангаар өөрийнх нь тухай ярьж байгааг мэдээд харах боловч томчуудын ярианд саад болохгүй ажээ. Харин хааяа нэг гүйж ирж аавдаа үнсүүлэх юм. Аав нь “Охин хүүхэд аавдаа амь гэж ёстой үнэн байх аа. Бид хоёр чинь бие биедээ амь” гэсээр Ж.Анударийгаа эрхлүүлж байв. Гэхдээ юм юманд хошуугаа унжуулсан эрхийн тэнэг болгохгүй гэж байлаа. Тиймдээ ч зуны сайхан цагт хөдөө мал дээр гаргачихдаг гэсэн. Өнгөрсөн жил цэцэрлэгт өгөхдөө Дундговийн улсын цэцэрлэгийг сонгожээ. Учир нь “Аргагүй амраг” уран бүтээлийн тоглолтоо хөдөө нутгийн үзэгчдэд сонирхуулах учиртай байсан болохоор өвөө, эмээтэй нь ойрхон байлгажээ. Энэ жил ч бас Дундговийнхоо цэцэрлэгт явуулна гэж байв. Д.Үүрийнтуяа “Манай аав, ээжүүд хэзээ байтлаа биднийг дөрөв, таван настай болтол хардаг байлаа. Хөхнөөс гаргаад л зөнд нь орхиж ажил төрлөө боддог байсан. Тэглээ гээд буруудаагүй. Харин ч биеэ даасан, аливаа зүйлийг өөрсдөө шийддэг болдог. Тиймээс хүүхдүүдээ айхтар эрхлүүлье гэж боддоггүй” гэв. Гэргийнхээ яриаг сонсоод Д.Жавхаасайхан “Хань бид хоёр иймэрхүү зүйл дээр маш сайхан санал нийлдэг. Хөдөө өссөн хүүхдүүд ядаж л амьдрах ухаантай болдог. Бид дөрөв өнөө орой гараад давхичихна. Ирэх даваа гаригаас манай хоёр албандаа явна” гэлээ.

Д.Жавхаасайханых 2005 оноос хойш өнөөг хүртэл маш олон нүүдэл хийжээ. Хороолол, Таван шар, Налайх гээд арав гаруй удаа буурь сэлгэсэн гэнэ. Дөнгөж гэр бүл зохиож байсан болохоор байр түрээслээд явж өгнө. Бүр амьдарч үзээгүй дүүрэггүй болтлоо нүүж байжээ. Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа хоёрын уран бүтээлийг дэмждэг “Химон констракшн”-ыхан Налайхын Гордокт хоёр өрөө орон сууц бэлэглэжээ. Тэндээ гурван жил амьдарч байгаад жилийн өмнө одоогийн байрандаа төвхнөсөн гэнэ. Гэхдээ удахгүй “Sunshine village” рүү нүүхээр төлөвлөж байгаа гэсэн. Д.Үүрийнтуяа “Шинэ байранд захиалга өгсөн байгаа. “Химон констракшн”-ы байр. Тэндээ суурьших санаа бий” гэлээ. Яриа өрнүүлэх хооронд Д.Үүрийнтуяа гэрийнхээ ажлуудыг амжуулаад байх юм. Нэг дороо таван минут зүгээр сууна гэж байхгүй. Нэг бол хоол унд хийгээд ид, уу гэж дайлна. Эсвэл ярианд оролцонгоо хөдөө явах гэж байгаа хоёр хүүхдийнхээ ачааг баглах ажээ. Нөхөр нь “Манай хүн их ажилсаг. Уран бүтээлч хүн ар гэрийнхээ ажилд зарцуулах цаг зав багатай. Гэхдээ миний гэргий бүх зүйлээ амжуулчихдаг. Ёстой нэг шидэт саваатай юм уу гэмээр ар гэрийнхээ ажлыг жин тан болгочихдог. Гэрийн эзэгтэйд байх ёстой ийм занд нь дуртай. Дээр нь аливаа зүйлд хүлээцтэй ханддаг, тун тайван хүн дээ” гэв. Харин Д.Үүрийнтуяа нөхрийнхөө ноён нуруутайд талархаж явдаг гэсэн. “Монгол эр хүнд байх ёстой зан миний ханьд байдаг болов уу гэж боддог. Хэр баргийн зүйлийг яриад явахгүй. Нэг, хоёр, гурван юмыг өнгөрөөж байж дөрөв дэх дээр нь дуугардаг” гэж магтана лээ.

Д.Жавхаасайхан дуулахаас гадна хурдан моринд хорхойтой. Долдугаар ангид байхаасаа л хөдөө мал дээр гарсан бөгөөд адуучин болно гэж боддог байжээ. Гэтэл нэг зун төрсөн ах Д.Түвшинсайхан нь ардын жүжигчин Ц.Батчулуун агсныг дагуулаад хүрээд ирж. Ах нь “Морин хуур” чуулгын морин хуурч болохоор багшийгаа дагуулан зуныхаа амралтаар гэртээ иржээ. Ингээд Д.Жавхаасайханыг дуулуултал Ц.Батчулуун “Би чамайг овоо сонсголтой юм байх гэж бодож байсан юмсан” гэж шавиа зэмлэнгүй хэлжээ. Тэгээд Д.Жавхаасайханд “Ийм сайхан дуулдаг хүүхэд дуучин л болох байж дээ” гэж урамшуулсан гэнэ. Ардын жүжигчний хэлсэн урмын үг хүүгийн бодлоос гарсангүй. Тэгэхээр нь намрын нэг өдөр Улсын филармонид ажиллаж байгаа ах дээрээ яваад очиж. Ц.Батчулуун гуайтай уулзахад СУИС дээр дагуулж очоод Ц.Дэлгэр багшид шавь оруулсан гэнэ. Эндээс улбаалаад урлагийн ертөнцөд хөл тавьж дуучин гэх алдар зүүх болжээ. Сургуульд ороод удаагүй байхад нь Н.Норовбанзад гуай Ц.Дэлгэр багштай нь уулзаад “Энэ хүүхдээ надад өгчих. Би дуулахыг нь сонссон. Шавиа болгож авъя” гэсэн гэдэг. Харин багш нь дуулах эрдмийг өөрөө зааж өгнө гэсээр авч үлдсэн түүхтэй. Харин Д.Үүрийнтуяагийн хувьд Дундговийн арван жилийн сургуульд байхаасаа урлагт хайртай, дуулдаг охин байжээ. Сурагч байх үедээ дууны тэмцээнд оролцож түрүүлснээр СУИС-ийн уртын дуучны ангид суралцах эрхийн бичигтэй болж байсан гэнэ. Ийн нэг сургуульд, нэг багшийн шавь нар болцгоожээ. Сургуульд байхдаа тус тусдаа дуулж уран бүтээлээ хийдэг байв. Д.Үүрийнтуяа “Шуранхай” хамтлагтайгаа уран бүтээлээ хийхийн зэрэгцээ бие даасан хэд хэдэн цомог гаргаад амжив. Энэ хооронд Д.Жавхаасайхан “Түмэн эх” чуулгад ажилладаг байжээ. Хосууд 2012 онд гэрлэлтээ батлуулан хуримаа хийсэн цагаасаа хойш хамтын уран бүтээлээ эхлүүлсэн байна. Хоёулаа ардын болон уртын дууны дуучид болохоор уран бүтээл хийхэд ч дөхөмтэй байжээ. “Язгуур” нэртэй ардын болон уртын харилцаа дууны этник цомгоо гаргаж олны хүртээл болгосон нь 2013 он. Уг цомогт багтсан “Цэнхэрлэн харагдана”, “Бор торгон хантааз”, “Сүнжидмаа”, “Юндэн гөөгөө Сийриймаа”, “Аргагүй амраг” дуунууд нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Цомгоо гаргасныхаа дараа “Аргагүй амраг” тоглолтоо хийв. Уг тоглолтоо хөдөө, орон нутгийн сонсогчдод сонир­хуулах үүднээс эх орноо тойрох аялан тоглолтоо эхлүүлжээ. 21 аймгийн бүх суманд тоглох “Аргагүй амраг” тоглолтыг одоогийн байдлаар таван аймгийн ард олонд сонирхуулаад байгаа юм байна. Үргэлжлэлийг нь ирэх намар хүртэл хойшлуулжээ.

Эдний гэрийн нандин шүтээн нь Д.Жавхаасайханы өвөөгөөс уламжилж ирсэн бурхан тахил. Халхын Эрдэнэ­зуу буюу шашны өлгий нутгаас гаралтай болохоор бурхан шүтээнээ ихэд дээдэлдэг гэсэн. Бас өвөөгийнх нь мөнгөн аяга, хөөрөг бий. Үүн дээр угаалгын машин нэмэгдэнэ. Хуучны хагас автомат угаалгын машин гэрийн эздийн хайртай хогшил. Учрыг лавлавал 2008 онд анх удаа хамтдаа “Учиртай гурван толгой”-г дуулжээ. Тэр үед Улсын филармониос тус бүрт нь 90 мянган төгрөг өгчээ. Хоёулаа 180 мянган төгрөгтэй болчихоод гэртээ хэрэгтэй зүйл авна гэж төлөвлөсөн байна. Маргааш нь зах гарч 130 мянган төгрөгөөр угаалгын машин авсныгаа нандигнадаг ажээ. Д.Үүрийнтуяа “Тэр угаалгын машинаа одоо хэрэглэдэггүй л дээ. Гэхдээ нэг л тийм гоё санагдаад байдаг болохоор хадгалдаг юм. Хэзээ ч хаяхгүй. Магадгүй охиноо хадамд гарах үед өгч болох юм” гэсэн. Бас Өвөр Монголын алдартай уяач н.Баяраагийн өгсөн хурдан морины хусуур хойморт нь байв. Хурдан моринд дуртай Д.Жавхаасайханд уяач залуу өөрийн хайртай хусуураа бэлэглэж байжээ. Түүгээр нь зундаа адууныхаа хөлсийг хусаад өвөлдөө хоймортоо зална. Иймэрхүү маягаар адуу малтай холбоотой эд зүйл эднийд олон байв. Гэрийн эзэн “Хавар болоод ирэхээр өөрийн эрхгүй тогтож суухаа больдог. Миний адуу Өвөрхангайн Хархоринд бий. Өвөлдөө байнга очдог. Харин зун яг л хажууд нь очихгүй бол сэтгэл гэгэлзээд ярих юм биш” гэсэн. Эр нөхөр нь адуунд хайртайг дагаад Д.Үүрийнтуяа ч морь шүтдэг болж байгаа гэнэ. Бүр ирэх зун нөхөртэйгөө хамт хөдөө гарч галынх нь тогооч хийнэ гэсэн амлалт өгчихөөд байгаа ажээ. Саяхнаас ярилцаж байгаад монгол гэртэй болохоор Бат-Өлзий суманд захиалга өгчээ. “Зун гэхэд гэр маань бэлэн болчихно. Гэрээ бариад, айргаа сөгнөөд суух сайхан даа. Тэр үед ёстой нэг жинхэнэ найр хийнэ гэж боддог юм. Монгол гэртээ айргаа уугаад, адуу малаа яриад, дуулж суухаас өөр жаргал хаа байх вэ” гэж Д.Жавхаасайхан ярина лээ. Харин Д.Үүрийнтуяа бүсгүй хүний гангалах дуртай зангаар гоёлын алчуур цуглуулдаг гэнэ. Гадагшаа тоглолтоор явахдаа цуглуулсаар одоо 40 гаруй хүзүүний алчууртай болжээ. Бас үнэртэй ус, монгол дээлэнд гар татдаггүй гэсэн. Анх нөхөр нь “Burberry”-гийн үнэртэй ус бэлэглэснээр цуглуулгаа эхлүүлж байсан бол ажил мэргэжилтэйгээ холбогдуулан дээл сонирхох болжээ. Тэдэнд өдгөө 20 гаруй монгол дээл бий гэнэ лээ.

Гэрийн эзэгтэй зочломт­гой зангаар биднийг үд өнгөртөл дайлан суужээ. Д.Жавхаа­сайхан яриа хөөрөө сайтай, нээлттэй хүн юм. Уран бүтээл, хүч хөдөлмөрөөрөө босгосон амьдралынхаа тухай ярьж суусаар Дундговь руу явах цаг нь болжээ. Хамт явах найз нь гар утас руу нь залгаснаар бидний яриа өндөрлөв. “Зун манай нутагт ирээрэй. Тэр үед гэрээ барьчихаад морио уян сууж байх вий” гэсээр үдэн гаргасан юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Г.Сүндэрмаа: Гэрээ цэвэрлээд, хүүхдээ хараад, нөхрийнхөө хоолыг бэлдэж өгнө гэдэг миний хувьд аз жаргал

“Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаатай ярилцлаа.

Ц.Сарнай та хоёр амаржсанаас хойш танай хамтлагийнхан нам жим байгаа. Уран бүтээлдээ эргэн орох болж байгаа юу?

-Юуны өмнө танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Хамтлагийн уран бүтээлийн тухайд гэвэл маш олон шинэ санаанууд байгаа. Хэд хэдэн сонирхолтой уран бүтээлийн санаа орж ирсэн. Бас тоглолтын саналууд ч ирж байна. Гэхдээ одоохондоо тус, тусынхаа эхлүүлсэн ажлыг жигдрүүлэх бодолтой байгаа. Мэдээж хэрэг уран бүтээлээ орхихгүй. Шинэ санаагаар дүүрэн байгаа болохоор удахгүй уран бүтээлээ сонсогч олондоо хүргэнэ. Одоогоор сүүлд гаргасан “Зүрхэн аялгуу” цомогт орсон 11 дуугаа сонсогч олондоо хүргэх тал дээр анхаарч ажиллаж байна.

Таны хувьд фэйсбүүк хуудсаар дамжуулан охид, бүсгүйчүүдэд дасгал зааж байгаа. Дуучин хүн гэнэтхэн дасгал заагаад эхлэхээр олон хүн гайхсан байх?

-Яг нэг жилийн өмнө гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдэд зориулан бие бялдраа хөгжүүлэх дасгал хөдөлгөөн зааж өгөх юмсан гэх бодол төрсөн. Хүүхдээ төрүүлээд удаагүй байгаа ээжүүд тэр бүр хүссэн цагтаа гэрээсээ гараад байж чаддаггүй шүү дээ. Тиймээс тэдэнд туслах үүднээс өөрийн мэддэг бүхнээ хуваалцахаар шийдсэн юм. Мөн цаг наргүй ажиллаж фитнест явж чаддаггүй бүсгүйчүүд байдаг. Тэдэнд зориулаад гэрийн нөхцөлд, ямар ч дасгалын хэрэгсэлгүйгээр биеэ хөгжүүлэхийг заахыг хүссэн. Түүнийгээ ажил хэрэг болгоод өдөр тутамд хийх анхан шатны дөрвөн цуврал хичээл бэлдлээ. Түүнийгээ “Юнивишн”, “Скай медиа” хоёрт байршуулсан байгаа. Илүү олон хүнд хүргэх үүднээс, басхүү хийж байгаа ажлаа танилцуулахын тулд фэйсбүүк хуудсаа идэвхтэй ажиллуулж байна.

Та өөрөө хэзээнээс эхлэн фитнесээр хичээллэх болсон юм бэ?

-Багаасаа л дасгал, хөдөлгөөн хийх дуртай хүүхэд байлаа. Өсвөр наснаасаа эхлэн тууштай хичээллэж гэртээ дасгал хийдэг байсан. Тэр үед фитнес клубүүд ч цөөхөн байлаа. Миний мэдэхийн “Тайхар” клуб байсан. Уг нь тэнд очоод мэргэжлийн багш нараар заалгах хүсэл их ч амждаггүй байсан юм. Өглөөнөөс орой болтол хичээлтэй учраас гэртээ өөрийгөө хөгжүүлэхээс өөр арга байгаагүй.

Таны төрсний дараах зургийг хараад үнэхээр биширсэн. Хүүхэд төрүүлсэн мөртлөө гэдэсний зургаан булчингаа ийм гоё хадгалж үлдэж болдог юм байхдаа л гэж бодож байлаа?

-Баярлалаа. Зарим хүмүүс зөвхөн тамирчид л гэдэсний булчингаа хөгжүүлсэн байдаг мэтээр ойлгодог. Үнэндээ ямар ч насны хүмүүс гэдэсний булчингаа хөгжүүлэх боломжтой. Миний анзаарснаар дасгал, хөдөлгөөн хийж эхлэхээсээ өмнө сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй. Яагаад дасгал хийхийг хүсэж байгаа, юуны тулд хийх хэрэгтэй вэ гэдгээ бүрэн ойлгож ухамсарласны дараа дасгалаа эхэлбэл эрч хүчтэй болж залхуурахгүй. Ер нь гэдэсний булчингаа гаргахад хугацаа их шаарддаг юм байна лээ. Гэхдээ хүн бүрийн бие өөр учраас харилцан адилгүй. Зарим хүнийх маш хурдан гараад ирдэг. Зарим нь туранхай мөртлөө булчин нь удаан ялгардаг. Тэгэхээр хүний биед байгаа өөхний хэмжээ, хооллолт, амьдралын хэв маяг гээд олон зүйл нөлөөлдөг гэсэн үг.

Хүмүүс танаас голдуу ямар зөвлөгөө авдаг вэ?

-Бүсгүйчүүд маань ихэвчлэн жингээ яаж хасах талаар асууна. Бас зөв хооллолт болон биеийнхээ булчинг хэсэгчлэн хөгжүүлэх тухай их асуудаг. Харин сүүлийн үед нялх биетэй ээжүүд маань төрсний дараах дасгал, хөдөлгөөнтэй холбоотой асуулт их тавьж байна. Анзаараад байхад бүсгүйчүүд маань өөртөө маш их анхаарал тавьдаг болжээ. Би ч чадах чинээгээрээ өөрийн туршлагаасаа, мэдэрсэн зүйлээсээ хуваалцаж байгаа. Хүмүүст зөвлөж байгаа болохоор сүүлийн үед нэлээн их зүйл уншиж, судалж байна. Сурсан, мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцах маш их таалагдаж байгаа.

Таны зөвлөгөөг уншиж байхад шинэ зүйл их байдаг. Хүүхэд төрүүлсэн ээжүүдийг далайн байцаатай шөл уугаарай гэснийг хараад монгол бүсгүйчүүдэд хэр тохирох юм бол гэж бодсон?

-Дээр хэлсэнчлэн хүүхэд төрүүлсэн ээжүүд маань ихэвчлэн хооллолт болон дасгал хөдөлгөөний талаар асуудаг. Миний нэг бодол байдаг л даа. Эмэгтэй хүн яагаад хүүхэд гаргасан гээд жин нэмж, өөрийгөө арчилж тордохоо больж, өөртөө цаг гаргахгүй байх ёстой
гэж. Эмэгтэй хүн болгон үзэсгэлэнтэй шүү дээ. Хүүхэд гаргахаасаа өмнө ямар байсан яг тэр гоо сайхнаа хадгалж үлдэх хэрэгтэй. Гоё ганган хувцасладаг байсан бол тэр хэвээрээ л байвал сайхан. Хүүхэд төрүүлсний дараа улам л гоё болох ёстой гэж боддог. Мэдээж хэрэг хүүхдэдээ анхаарал тавиад завгүй болдог л доо. Дээрээс нь гэр орны ажил, гэрийн эзэгтэйн үүрэг гэж бий. Энэ бүхэн эх хүний, эхнэр хүн болсны аз жаргал шүү дээ. Гэрээ цэвэрлээд, хүүхдээ хараад, нөхрийнхөө хоолыг бэлдэж өгөх
үнэхээр сайхан санагддаг. Амьдралын
хамгийн том аз жаргалыг
мэдэрдэг болохоор тэр. Үүнийхээ хажуугаар
өдөр бүр өөртөө зориулаад
ядаж 30 минут гаргах хэрэгтэй.
Өөрийнхөө төлөө хөдөлмөрлөх ёстой.
Энэ бүхэн бүр цаашлаад
гэр бүлийн тогтвортой байдалтай ч
холбоотой гэж боддог юм.

Хилийн
чанадад амьдарч байгаа бүсгүйчүүдэд зориулан дасгалаа онлайн хэлбэрт оруулсан байна лээ. Олон хүн хандаж байна уу?

-Гадаадад амьдарч байгаа бүсгүйчүүддээ
зориулан “Youtube” сувгаар дасгалаа зааж
эхэлсэн юм. Дасгал хийх
хүсэлтэй бүсгүйчүүд маань тодорхой хэмжээний
төлбөр төлөөд үздэг байсан
юм. Харин яг одоогоор
тодорхой шалтгааны улмаас онлайн хичээл
маань түр завсарласан.

Та өөрийн гэсэн фитнес клуб нээх үү?

-Ийм санаа төлөвлөгөөнд байгаа. Өөрийн гэсэн
фитнес клубтэй болно гээд
бүр төсөөлчихсөн. Иймэрхүү тохижилттой, өнгө төрхтэй байна
гэдгийг нүдэндээ харчихсан.

Миний сургалтад хамрагдсан бүсгүйчүүд маань өөрөө өөртөө
сэтгэл хангалуун, итгэлтэй, амьдралын зөв хэв маягтай,
урам зоригтой байна гэж төсөөлдөг.
Мөрөөдөхөөрөө дандаа инээж явдаг,
аз жаргалтай сайхан бүсгүйчүүдээр хүрээлүүлсэн
байна гэж хардаг юм.

-“Sweetymotion” хамтлагийн
бүсгүйчүүд маш гоё, зөв биетэй. Ийм болоход таны нөлөө байсан л байх даа?

-Магадгүй.
Ер нь бид гурав
бие биедээ зөвөөр нөлөөлж
чаддаг. Хамтлаг гэдгийн гол
үндэс суурь нь нэгийгээ
дэмжиж, урам зориг өгч
дутуугаа нөхөх шүү дээ.

Гэр
бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юу?

-Миний хувийн амьдрал хүмүүст
тийм ч сонин биш
байлгүй дээ. Нөхөртэйгөө, хоёр
охинтойгоо хамт аз жаргалтай
амьдарч байгаа.

Таныг
хүүхэдтэй болоход гэр бүлийн тань зургийг худалдаж аваад сэтгүүлийн нүүрэнд гаргая гэсэн санал ирж байв уу?

-Тийм санал ирж байгаагүй
юм байна. Тэгээд ч
тийм санал ирэхээс нь
өмнө охиныхоо зургийг фэйсбүүк хуудсандаа
байршуулчихсан.

Ярилцсанд баярлалаа.

Categories
мэдээ цаг-үе

Франц үнээнээс өдөрт 30 литр сүү саадаг

Яг хоёр жилийн өмнө манай улс “Монбелъярд” үүлдрийн үхэртэй болж байлаа. Ирснээс нь хойш 14 хоногийн дараа очиход карентинд байсан бөгөөд өдөр бүр усанд оруулдаг болов уу гэмээр цэвэрхэн харагдаж байсан. Бүгд чихэндээ таних тэмдэг зүүсэн байх бөгөөд “Лимузин”, “Мерседес”, “Женари”, “Галакси” гэсэн нэртэй байв. Францад төрж, өсөөд манайд ирж байгаа болохоор монгол хэл мэдэхгүй. Хүлээж авсан “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийнхан эхэндээ хэл нэвтрэлцэх гэж сүрхий юм болдог байж. Хөж хөж гэхээр урагшаа ганц ч алхахгүй. Өөв өөв гэж дуудаад ч ирэхгүй болохоор нь франц мэргэжилтнээс зөвлөгөө авч хөж хөж гэхийг то-то то-то гэдгийг мэдэж авчээ. Бас өглөө бүр 07 цагт өвс тавьж өгөхдөө үхэртэйгээ ярилцаж байхыг зөвлөжээ. Тэр цагаас хойш Монголд хоёр жил болох хугацаандаа тун сайхан идээшсэн байна. Энд ирснээс нь хойш төрсөн тугалуудад франц биш монгол нэр өгчээ. Бухнууд л гэхэд “Манлай”, “Түрүүч”, “Хасар”, “Хангал”, “Мянгуудай” гэсэн гоё нэртэй болчихож. Цаашлаад шинээр төрсөн тугалд 21 аймгийн нэр өгөөд дуусчихаар нь сумын нэр рүү оржээ. “Сайхан”, “Булган”, “Мөрөн”, “Эрдэнэ” зэрэг уул ус, аймаг сумын нэр өгчээ. Анх очиж байхад гадны хүн ойртуулахгүй, битүү хашаан дотор байсан бөгөөд өвсөө оросоос авчруулан иддэг эрх амьтад байв. Харин өнгөрсөн долоо хоногт очиход фермийнхээ зэргэлдээх тариан талбайд бэлчиж байлаа. Гэхдээ тэр хавь руу гадны хүн ойртож боломгүй торон хашаа татсан байв. Ферм дээр очвол тэжээлийн технологич Р.Батсүрэн угтаж авч байна. Гал тогоо руу дагуулж ороод шинэхэн уургаар дайллаа. “Үнээнүүд маань ойрд тугаллаж байна. Урьд шөнө л гэхэд бүл нэмсэн” гэв. Эндхийн хүмүүс хэрэгцээндээ зориулж үнээнийхээ сүүнээс авч үлддэг ажээ. Үүдний өрөөнд сүү хөөрүүлж өрөм загсаасан байв. Гал тогоонд ажиллаж буй хүмүүс “Монгол үнээний сүүг бодвол харьцангуй тослог ихтэй” гэж магтах ажээ.

Франц үнээнүүд Монголд ирэхдээ хээлтэй байжээ. Одоогоор хоёр дахь төлөө авч байгаа юм байна. Монголд идээшиж, дасан зохицох бүрэн боломжтой юм байна гэдгийг мэдсэн болохоор дараагийн 150 үнээгээ өнгөрсөн оны долдугаар сард оруулж иржээ. Ингээд нийт 300 саалийн үнээ, таван бухтай эрчимжсэн мал аж ахуйн фермийнхээ үйл ажиллагааг жигдрүүлжээ. Анх ирэхдээ хээлтэй байсан үнээнүүд үр төлөө өгч эхэлснээр өдгөө тугал, бяруутайгаа нийлсэн 620 толгой малтай болчихож. Зарим нь гурав дахь хээлээ тээж байгаа бөгөөд өвлөөс тугаллаж эхлэх юм байна. Тэгэхээр ирэх хавар гэхэд мянгаад үхэртэй болох төлөвтэй байгаа гэсэн. Түүгээр ч үл барам эхийнхээ гэдсэнд байхдаа Монголд ирсэн тугалууд ирэх хавраас үр төлөө өгч эхлэх юм байна. Тэр үед 400 үнээг тусад нь салгаад жижиг ферм байгуулах бөгөөд хэтдээ гуч, гучин үнээтэй фермтэй болохоор төлөвлөж байгаа юм байна.

“Монбелъярд” үүлдрийн үнээг оруулж ирэхдээ мах, сүүний чиглэлээр ашиглахыг зорьж байжээ. Одоогийн байдлаар зөвхөн сүүг нь сааж байгаа юм байна. Махны чиглэлээр ашиглая гэхээр анхны төлүүд нь одооноос л таваарын хэрэгцээний насанд хүрч байгаа буюу 18-24 сартай болж байгаа гэнэ. Ямар ч байсан монгол үхэртэй харьцуулахад жин ихтэй болохоор махны гарц сайн байх нь гарцаагүй. Гэхдээ одоогийн байдлаар үхрээ нядлан махны чиглэлээр ашиглах болоогүй байгаа юм байна. Нэгдүгээрт, яг ийм махны чиглэлийн үхрийг ялгаж чадах зах зээл хараахан хөгжөөгүй байгаа гэсэн. Учир нь өөх багатай, алагласан махтай махыг “Монбелъярд” үүлдрийнх мөн эсэхийг мэдэх хүн ховор. Тэгэхээр лангууны ард тавиад борлуулахаар махаа таньж авах хэрэглэгч одоохондоо байхгүй гэж болохоор гэнэ. Харин ганц нэг ресторанд туршилтын журмаар мах нийлүүлж буй ажээ. Цаашдаа махаа боловсруулж худалдаанд гаргах уу, үнээнийхээ сүүгээр тараг, бяслаг хийх үү зэрэг олон санаа байгаа бөгөөд одоогоор бизнесийн судалгааныхаа түвшинд явж байгаа юм байна. Харин Хөдөө, аж ахуйн яам болон зарим нэг хувь хүний захиалгаар тодорхой хэмжээний малыг засаатайгаар нь зарсан гэсэн. Ингэж зарах нь бусад үнээний фермийн нутгийн үүлдрийг сайжруулах зорилготой байсан бөгөөд шүдлэн насны 20 гаруй бух заржээ. Гэхдээ мэдээж хэрэг байнга зараад байхгүй. Сүргийн хэрэгцээ хангалттай гэж үзсэн тохиолдолд зардаг бөгөөд мал аж ахуй эрхэлдэг хүмүүс тун дуртай худалдан авдаг гэсэн. Эднийх нэг бухаа таван сая төгрөгөөр үнэлдэг болохоор дурын хүн худалдаж авах бүрэн боломжтой ажээ.

Франц үнээнүүд Монголд анх ирэхдээ тусгай бэлдмэл хэрэглэдэг, вакцинтай, эм тариатайгаа ирж байсан юм. Тэр үетэй харьцуулбал Монголын хөрсөнд хэдийнэ дасаад бараг л монгол үхэр болчихож. Нэмэлт эм тариа хэрэглээд байхгүй, элдэв витаминаар тордохгүй байсан ч алзахааргүй болсон байна. Бүр хүн ойртуулахгүй гээд тусгай хашаанд маллаж байсан бол өдгөө бэлчээрт гардаг болжээ. Саалийн үнээ, өсвөр насны малаа таримал бэлчээрт гаргадаг болсон гэнэ. Өглөө оройдоо л нэмэлт тэжээл өгчихөд болоод явчихдаг гэсэн. Хуучин 18 цагаас хойш “хоол” иддэггүй байсан бол өдгөө зуны цагийн хуваарийн дагуу тэжээлийг нь өгч байгаа ажээ. Тэр нь яадаг вэ гэхээр саалийн үнээнүүд өглөөний 07 цагт тэжээлтэй. Тэжээлээ идэж байхдаа саалгана. Дуусаад бэлчээртээ гарна. Өдөр 14 цагийн үед бэлчээрт нь очиж услаад орой 17 цагт буцаагаад байранд нь авчирдаг юм байна. Тэр үед олон төрлийн эрдэс бүхий тэжээл өгдөг ажээ. Тэжээлээ идсэнийх нь дараа усалж, хэсэг амрааж байгаад 19 цагт саадаг юм байна. Саалиа авчихаад дахиад бэлчээрт нь гаргачихна. Энэ мэтээр зуны хэдэн сарыг өнгөрөөж байгаа гэсэн. Гол анхаарах ёстой зүйл нь цаг гэж байв. Тэжээл, усыг нь яг тогтсон цагт л өгөхгүй бол сүүний гарцад шууд нөлөөлдөг гэсэн. 17 цагт тэжээл өгөх ёстой байхад арав, хорин минут хоцроход л хэдэн литр сүүний зөрүү гардаг. Олон үнээ сааж байгаа болохоор сүүний гарц илт анзаарагддаг гэж байлаа.

Үнээний сүүний гарц тугаллах бүрт улам нэмэгдэнэ. Анх гэдсэндээ хээлтэй ирж байсан үнээнүүд тугалласан хойноо өдөрт 20 гаруй литр сүү өгдөг байжээ. Хоёр дахь удаагаа тугалласнаас хойш сүүний гарц эрс нэмэгдсэн гэнэ. Хоёр дахиа тугалласан үнээ өдөрт дунджаар 30 гаруй литр сүү өгч байгаа юм байна. Энэ жишгээр тооцохоор жилдээ дөрвөн мянган литр сүү өгдөг үнээ бий. Анх удаа тугаллаж байгаа үнээнээс жилдээ хоёр, гурван мянган литр сүү саадаг ажээ. Ерөнхийдөө үнээний жилийн ашгийг тооцохдоо саалийн 305 хоногоор дүгнэдэг юм байна. Саахдаа автомат саалтуур хэрэглэнэ. Дөрвөн дэлэнгийн аль нэгийнх нь сүү түрүүлээд дууслаа гэхэд автоматаар мэдрэн саахаа зогсоодог гэнэ. Саасан сүүгээ “АПУ” ХК-д нийлүүлэх гэрээтэй ажээ. “АПУ”-гаас гаргаж байгаа “Сайн” нэрийн бүтээгдэхүүнийг эдний фермийн үнээний сүүгээр хийдэг юм байна. Сүү нь монгол үнээтэй харьцуулбал тослог ихтэй. Дунджаар 3.2-4.0 хувийн тослогтой байдаг гэнэ. Гэхдээ сүүний тослог ямархуу байх нь цаг агаартай шууд холбоотой. Зуны халуун өдрүүдэд сүүгээр гадагшлах ёстой хамаг тослог нь хөлсөөр гараад явчихдаг гэсэн. Харин өвөлдөө нэмэгдэнэ. Гэхдээ аль ч улиралд тослогийг нь тэнцвэржүүлэх үүднээс тусгай нэмэлт тэжээл ашигладаг юм билээ. Харин үнээгээ саахдаа тугалыг нь хөхүүлэхгүй. Дөнгөж төрсөн тугалыг эхээс нь салгаж аваад угжчихдаг юм байна. Ингэж эхээ хөхөх байгалийн зөн мэдрэмжийг нь салгахгүй бол бэлчээрт байх үедээ сүүгээ шавхчих гээд байдаг гэсэн. Бас төрснийх нь дараа хөхүүлчихээр эх үрийн холбоо тогтоод тугалаа л харахгүй бол ивлэхээ больчихдог ажээ. Тиймээс тугал нь эхийгээ хөхөж үзсэн тохиолдол цөөн гэв.

Франц үнээнүүд Монголд ирэхдээ гурван үеийн намтар бүхий бичиг баримттай иржээ. Түүн дээр нь нэр ус байхаас гадна төрсөн он сар байна. Цаашлаад бухны ээж, өөрийнх нь ээж, эмээгийн тухай тэмдэглэсэн байдаг гэнэ. Эмээ нь хэдэн тугал гаргаж байсан, жилийн сүүний гарц ямархуу байсан тухай дэлгэрэнгүй бичиж үлдээх учиртай. Эндээс тухайн үхрийн үүлдэр, гарал угсааны байдал мэдэгдэнэ. Зарах гэж байгаа тохиолдолд худалдан авагч дээрх бичиг баримтыг үзээд сайн удамтай эсэхийг нь мэдэх бүрэн боломжтой юм байна лээ.

“Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийнхан гурван малын эмч, нэг зоотехникчтэй ажилладаг юм байна. Бусад хүмүүс нь хөдөө аж ахуйн чиглэлээр сургууль төгссөн дээд боловсролтой. Нэг ээлжинд арав гаруй хүн ажилладаг бөгөөд өглөө­нөөс үдэш хүртэл борви бохис­хийлгүй ажилладаг гэсэн. Тэд “Манай үхэр их номхон, зөөлөн ааштай” гэж магтана. Анх ирэхдээ их л ажиллагаатай мэт санагдаж байсан бол өдгөө монгол арга барилд дасан зохицжээ. Үгүй ядаж л гадаа өвөлжүүлж сургаж байгаа гэсэн. Өнгөрсөн жил гэхэд хорио цээрийн саравч босгоод шүдлэн, бяруу­нуу­даа байлгасан гэнэ. Харин саалийн үнээ болон нялх тугалуудаа битүү байранд байлгажээ. Гэхдээ ес эхлэхтэй зэрэгцээд байранд оруулсан бөгөөд хоёрдугаар сар дөнгөж өнгөрөөд саравч руу гаргажээ. Тэр үед бээрч янз бүр болоогүй бөгөөд монгол үхрээс дутуугүй тэсвэр тэвчээртэй гэдгээ харуулсан байна.

Харин анхаарах ёстой ганц­хан зүйл байдаг нь бүлээн усаар услах ёстой аж. Хүйтэн ус өгч болох ч ходоодон дахь усаа бүлээсгэх гэж их энерги зарцуулдаг юм байна. Ингэж хэрэггүй зүйлд энергиэ зарцуулахаар сүүний гарц багасдаг ажээ. Бас нэг онцлог нь “Монбелъярд” үүлдрийн үнээний эврийг ургуулдаггүй. Энэ нь бас л хүйтэн цагт эвэр, туурайгаараа дулаан алддагтай холбоотой. Дулаан алдаад л байвал сүүгээ бага өгнө. Тэгэхээр аль болох тав тухтай байлгаж байж зохих нормын дагуу сүү саадаг юм байна. Харин зуны цагт хол явуулж болохгүй. Бэлчээр хол байх тусам явдалдаа энерги зарцуулах учраас аль болох ойрхон явуулдаг юм байна. Ерөнхийдөө амаар орсон бүхнийг сүү болгоно гэсэн зорилготой ажилладаг ажээ. Энэ нь эрчимжсэн мал аж ахуйн ерөнхий зар­чим гэсэн. Хэрэв дээрх зүйлийг анхаарахгүй, энерги алдуулаад байвал сүүний гарц л муудаад монгол үнээнээс ялгаагүй болдог гэнэ лээ. Монгол үнээ хол явж бэлчдэг, бас хэт хүйтэнд энерги алдаад байдаг болохоор биеийн өсөлт бага, ашиг шим тааруу байдаг ажээ.

Бэлчээр дээр нь очиж франц үнээнүүдийг харлаа. Хоёр жилийн өмнө эхийнхээ гэдсэнд байсан бяруунууд лагс том биетэй болчихож. Харин өнгө үзэмжийн тухайд монгол үнээнээс ялгарахгүй “халтайчихсан” байна лээ. Өдгөө сүрэгт то-то то-то гэж дуу­дуу­лах үхэр байхгүй болжээ. Хивээд хэвтэж бай­хад нь хөж хөж гэвэл босоод явчихдаг болсон байна. Харин тэндхийн хүмүүс “Одоохондоо монгол үхэр шиг л болчихсон байгаа юм. Франц хүн ирвэл яадаг юм бол” гэлцэн хошигнож байв.

Categories
мэдээ цаг-үе

Г.Хонгорзул: Үс, нүүр хоёр маань телевизийн өмч

“Монгол” телевизийн “Өнөө өглөө” хөтөлбөрийн хөтлөгч Г.Хонгорзултай ярилцлаа.

-Өглөө бүр цэнхэр дэлгэцээр үзэгч олонтойгоо мэндлэх сайхан хэрэг. “Өнөө өглөө” хөтөлбөртэй хэрхэн холбогдсон тухайгаа ярихгүй юу?

-Би 2013 онд СУИС-ийн Радио, телевизийн сургуулийн хөтлөгч, сэтгүүлчийн ангийг төгссөн юм. Уг нь сургуулиа 2009 онд төгсөх ёстой байсан ч хэсэг хугацаанд охиноо эмчлүүлэх хэрэг гараад дөрвөн жилийн чөлөө авсан. Харин төгссөнийхөө дараахан “Монгол ТВ”-ийнхээ үүдийг татсан даа. Гэхдээ хөтлөгчөөр биш. Танил ахтайгаа хамтраад хоёр төрлийн танин мэдэхүйн цэнгээнт нэвтрүүлэг хийж, шинэ контент төрүүлэх санал тавьж байлаа. Удирдлагуудад шинэ нэвтрүүлгийн санаагаа танилцуулахаар очсон. Тэр үед манайхан нэг их анзаарахгүй байгаа юм шиг санагдаж байлаа. Харин маргааш нь “Өнөө өглөө” хөтөлбөрийн продюссер Саруул эгч маань залгасан. Нэвтрүүлэг маань дэмжигдэж гээд бөөн баяр очтол “Өнөө өглөө” хөтөлбөрийн хөтлөгчөөр ажиллаач гэх санал тавьсан юм. Сүүлд бодох нь ээ, шинэ нэвтрүүлгээс илүүтэй намайг сонирхож байсан юм болов уу. Телевизтэйгээ холбогдсон түүх гэвэл ийм.

-Шалгалтгүй орсон хэрэг үү?

-Яалаа гэж. Пробонд ороод үзээрэй гэсэн. Хэлснийх нь дагуу пробонд ортол болж байна, авъя гэлээ. Шууд нэвтрүүлгийн хөтлөгч амаргүй шүү дээ. Тиймээс эмээж л байлаа. Гэртээ хариад нөхөр болон аав, ээжтэйгээ нэлээн сайн ярилцсан. Өмнө нь өглөө босоод нөхөртөө өглөөний цай бэлдэж өгөөд ажилд нь явуулна, хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгнө гээд ажил ихтэй байсан болохоор зөв шийдвэр гаргах ёстой байсан юм. Тэгсэн чинь манай нөхөр “Залуу байна, хийгээд үзэх хэрэгтэй” гэж зөвлөлөө. Уг нь би хэзээ ч телевизийн хүн болно гэж байгаагүй. Радиогийн нэвтрүүлэгч болно гэж мөрөөддөг байлаа. Өөрийнхөө хоолойг тодорхой хэмжээгээр радиод тохирно гэж боддог байсан. Яг шийдээ гаргах үедээ аавдаа хэлтэл “Миний охинд том боломж гарч ирж байна. Маш гоё телевизийн олон үзэгчтэй нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллана гэдэг сайхан шүү дээ” гэсэн. Ингээд л “Өнөө өглөө” хөтөлбөртэйгөө холбогдсон доо.

-Дөнгөж телевизэд ороод шууд нэвтрүүлэг хөтөлнө гэдэг тийм амар биш байлгүй?

-Тэгэлгүй яахав. Манай “Өнөө өглөө” хөтөл­бөрт ажиллаж байгаа хүмүүст зориулан гадны мэргэжилтнүүд ирж сургалт явуулдаг. Яг намайг ажилд орох үед Д.Бум-Очир нэвтрүүлгээ ганцаараа хөтөлдөг байлаа. Хоёр долоо хоногийн турш дагалдаж байгаад эфирт гарсан. Тэгсэн Д.Бум-Очир маань хоёрхон өдөр надтай хамт ажиллаад Англи руу яваад өгсөн. Тэнд доктор хамгаалаад ирсэн юм. Ингээд ганцаараа нэвтрүүлгээ хөтөлж эхэлсэн дээ. Юм болгоныг эхлэхэд амаргүй байдаг шүү дээ. Яг л тийм байсан. Эфирт сандарна, шинэ орчинд дасахгүй. Гэхдээ хамт олондоо маш хурдан дассан шүү. Одоо бол Д.Бум-Очирыг эрдмийн ажлаар гадагшаа явсан хойгуур ганцаараа л эфирт гарна. Анх хөтлөгч болж байсан үетэйгээ харьцуулбал багагүй туршлагажсан байна. Ирэх арванхоёрдугаар сард “Өнөө өглөө” хөтөлбөртөө ирсний хоёр жилийн ой болно. Энэ хугацаанд 1000 гаруй сэдвийн дагуу ийм тооны хүмүүстэй уулзаж ярилцжээ.

-Өглөө хэдэн цагт босдог вэ. Ажлын цагийн хуваарь хэдээс хэдэн цаг хүртэл үргэлжлэх үү?

-Манай байгууллагын зүгээс ажилчдаа өглөө эрт унаагаар авдаг юм. Баруун талаасаа эхэлж авсаар манай гэрийн гадаа 05 цагт ирнэ. Тэгэхээр би 04 цаг өнгөрөөгөөд босдог гэсэн үг. Нэвтрүүлэг маань 06.30 цагт эхлээд 09.30-д дуусна. Бямба гаригт амардаг. Орой харин 23 цагт унтчихсан байдаг. Заримдаа найз нөхөдтэйгөө уулзах, гадуур гарах үе байна. Шөнө 01, 02 цаг хүртэл явж байгаад харьчихаад нүдээ амраагаад буцаад гардаг.

-Эрт босоод эфирт гарахад өөрийгөө бэлдэх хэцүү юу. Нүүрээ будах, үсээ янзлахаас эхлээд ажил ихтэй шүү дээ?

-Өглөө ирэхэд нүүр хувиргагч маань ирчихсэн байдаг. Өглөө гэрээсээ шууд гараад ирчихэж байгаа болохоор нүүрээ будуулаад, үсээ янзлуулна. Гэхдээ айхтар хүнд будаж болохгүй. Ерөнхийдөө цэвэрхэн харагдахаар тооцоолж нүүрээ будуулдаг.

-Телевизийн зүгээс үсээ ингэж тайруул, нүүрээ ингэж буд гэх зэргээр шаардлага тавьдаг уу?

-Эфирийн соёл гэж том зүйл байна. Үгүй ядаж л үсээ шараар будаж болохгүй. Хүний анхаарлыг татахуйц том ээмэг, зүүлт зүүхгүй гэхчлэн зарчмууд байдаг. Хөтлөгчид нүүрээ хэрхэн будах, ямар хувцас өмсөх вэ гэдэг дээр телевизийнхэн маань маш сайн анхаарч зөвлөгөө өгнө. Ер нь үс, нүүр хоёр телевизийн өмч. Үсээ тайруулмаар байвал албаныхаа даргад мэдэгдэх ёстой. Барагтай л зөвшөөрөхгүй дээ. Дээрээс нь нүүр хувиргагч нартайгаа зөвлөнө. Тэд нар маань “Хонгор оо, үсээ жаахан тайруулъя. Чёлкоо жаахан богиносгоё” гээд үсчин рүү дагуулж явдаг. Арьс арчилгааны тал дээр ч гэсэн сайхан амраарай, арьсаа гоё байлгаарай гээд маш хэрэгтэй зөвлөгөөнүүд өгнө. Гэхдээ би айхтар ач холбогдол өгөөд хэдэн цагаар нүүрээ илээд суугаад байдаггүй юмаа. Ерөнхийдөө цаанаасаа ивээгээд байх шиг байдаг юм.

-Хувцас яадаг вэ. Танай телевизийнхэн “Хөтлөгчийн хувцсыг тэр дэлгүүр ивээн тэтгэв” гэж харагддаггүй юм?

-Хувцсыг бас л телевизээс маань өгнө. Албаны маш олон хувцас өгсөн. Долоо хоногийн зургаан өдөр эфирт гарч байгаа. Тэгэхээр хувцас олон байх хэрэгтэй. Үүн дээр манай телевиз маш сайн анхаардаг. Зөвхөн надад зориулаад, миний хэмжээг аваад захиалгаар хийлгэнэ.

-Хэдэн ээлжийн хувцастай бол?

-Шүүгээ дүүрэн хувцастай. Телевизээс авч өгсөн зөвхөн эфирт өмсөх хувцас гэхэд 60, 70 гаруй байгаа байх шүү. Дээрээс нь миний хувийн хувцас тусдаа. Тэгэхээр нэлээн олон ээлжийн хувцастай болчихдог.

-Эрт босох залуу хүний хувьд амархан биш. Нойроо харамлах үе байдаг уу?

-Яг үнэнийг хэлэхэд өмнө нь нойрондоо их харам байсан. Гэхдээ энэ ажил миний хувьд албан ёсоор хөдөлмөрийн гэрээ хийсэн анхны ажил. Тиймээс өөрөө өөртөө “Надад үүрэг хариуцлага оногдож байна. Би хоцрох эрхгүй” гэсэн шаардлага тавьчихсан. Дээрээс нь шууд эфир гэх ойлголтыг толгойндоо бат суулгачихсан. Тэнд нэг л хүн байхгүй бол яах билээ гэдгийг ухамсарладаг болохоор эрт босох хэцүү санагдахаа больсон. Тэгээд ч олон давуу талтай шүү дээ. Өглөө эрт ажлаа хийгээд 11 цагт гэртээ харьчихсан байдаг. Өдрийн цагаар завтай болчихоор гэр бүлдээ хангалттай цаг гаргаж байна. Хажуугаар нь өөрийгөө хөгжүүлнэ. Би морин хуур тоглох дуртай. Тэрийгээ давтана. Мөн англи хэлээ сайжруулна гээд олон зүйлийг амжуулдаг юм.

-Гэрээсээ гарахдаа цай чанаж амжих уу?

-Шууд босоод л гардаг юм. Цай чанах, нөхрийн өглөөний хоолыг бэлдэж өгөх, хүүхэд цэцэрлэгт хүргэж өгөх гэх зэрэг ажилд хадам ээж маань тусална. Ерөнхийдөө манай гэрийн арыг даадаг гэж хэлж болно. Сайн хадам ээжийн ачаар ямар ч зүйлд санаа зовохгүйгээр ажилдаа өөрийгөө бүрэн зориулж чаддаг юм.

-Ажлаа хийж байхдаа өлсдөг үү?

-Гайгүй ээ. Ажил дээрээ ирэхэд өглөөний цай бэлдчих­сэн байдаг юм. Тэрийгээ уугаад ажилдаа гарна.

-Дуучид өглөөгүүр хоолой сэрдэггүй гэж ярь­даг юм байна лээ. Та нарын хувьд яадаг вэ?

-Үнэн шүү. Хоолой сэрэхгүй байна гэж байдаг. Миний хувьд ажил дээрээ ирээд нүүрээ будуулж байхдаа дуулчихдаг юм. Хэд сайн чангахан шиг дуулчихад хоолой сэргэчихнэ.

-Шууд нэвтрүүлгийн үеэр янз бүрийн зүйл тохиолддог байх. Эфирт тохиолдож байсан хөгжилтэй зүйлээсээ ярихгүй юу?

-Янз бүрийн хөгжилтэй зүйл их гарна. Анх пробонд орж байх үедээ сандраад “Сайн байцгаана уу, өглөө өнөө хөтөлбөр эхэлж байна” гээд хэлчих жишээтэй. Хөндлөнгөөс харахад амархан санагддаг байж мэднэ. Хөгжилтэй зүйл олон тохиолдож байсан ч яг одоо санаанд орж ирэхгүй байна.

-Эфирт гарсан хойно гэнэт найтаах ч юмуу өөрөөс тань хамаарахгүй зүйл тохиолдвол яадаг вэ?

-Найтаана. Үзэгчдээсээ уучлал гуйгаад өнгөрнө. Боломж байвал найруулагч руугаа сэмхэн дохьчихно. Тэгэхээр камер өөр тийшээ шилжчихдэг юм. Тэр үед дууны найруулагч миний микрофоныг хаачихдаг. Энэ хооронд нь гялс амжуулж аваад юу ч болоогүй юм шиг сууж байх жишээтэй.

-Уригдсан зочин хоцрох тохиолдол гарах уу?

-Гаралгүй яахав. Хүндэтгэх шалтгаан хэлэхгүйгээр утсаа салгаад алга болсон тохиолдолд эфирээрээ шууд хэлчихдэг юм. Ийм зочин урьсан юм, харамсалтай нь ирсэнгүй гэнэ. Ирэхгүй гэдгээ ямар нэгэн байдлаар урьдчилан мэдэгдсэн тохиолдолд тэр дор нь арга хэмжээ аваад явчихдаг юм. Дээрээс нь чөлөөт нэвтрүүлэг учраас хөтлөгчид хоорондоо ярьж болно. Тэгэхээр цаг яах бол гэж санаа зовдоггүй. Манай сэтгүүлч, продюссерууд үнэхээр мундаг. Ажлаа сайн хийнэ. Тиймээс санаа зовох зүйл бараг гарахгүй дээ.

-Телевизийн хөтлөгч нарыг сайхан царайнаас цаашгүй гэж шүүмжлэх нь бий. Үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Ёстой хатуу шүүмжилмээр байдаг. Хүнийг сайн ч, муу ч зүйл хийсэн шүүмжилдэг нь манайхны зан юм шиг байгаа юм. Уг нь айлын охин хүүхдийг тэгж хэлээд байж болохгүй л дээ. Нэг их хөөрхөндөө, царайлагтаа очоод суучихдаг гэвэл эндүүрэл. Албан байгууллага нь тодорхой хэмжээгээр шалгаж авна. Сурна, сургуулилна. Шаардлага биелүүлнэ. Тэнд зүв зүгээр очоод суучихдаггүй болохоор өмөөрмөөр санагддаг юм. Яахав мэр сэр алдаа гаргаж байгаа хөтлөгч байдаг л байх.

-Гэр бүлээ танилцуулах­гүй юу. Хэдэн хүүхэдтэй вэ?

-Манай нөхрийг Б.Эрдэнэ­бат гэдэг. Уг нь Олон улсын худалдааны менежер мэргэжилтэй. Харин сүүлийн үед урлагт орчихоод байгаа. Анх “Оюутны нууц амраг” гэж киноны туслах дүрд тоглож байсан. Тэрнээс хойш хэд хэдэн клип, сурталчилгаанд тоглосон. Сүүлд МҮОНТ-ийн “Нарны жим” олон ангит уран сайхны кинонд тоглолоо. Одоо харин “Улаанбаатар, би чамд хайртай” гээд 20 ангит киноны продюссероор ажиллаж байна. Манайх нэг хүүхэдтэй. Номин гэж таван настай охин бий. Намайг ажилд ороод удаагүй байхад “Өнөө өглөө” хөтөлбөрийн давталтыг үзэж байгаа охин маань их гайхдаг байсан. Давталт гарч байх үед би гэртээ байж байдаг. Тэгэхээр зурагт руу нэг хараад л, гэртээ байгаа ээжийгээ нэг хараад л. Юу болоод байна вэ гэсэн шинжтэй. Одоо бол тоохоо больсон.

-Ээж шигээ телевизийн хөтлөгч болно гэж ярих уу?

-Гурван настайгаасаа л хүүхэд барьдаг эмч болно гэж ярьдаг байсан юм. Одоо хэр нь хэвээрээ. Харин намайг харчихаад “Чиний үс ямар гоё юм бэ. Минийхийг бас ингээд буржийлгаад өг” гэх юмуу “Нүдээ ямар гоё будсан юм бэ, одоо минийхийг будаарай” гэдэг болсон.

-Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд юунд зорьдог вэ?

-Жүжигчин болохыг хүсдэг. 30, 40, 50 настай болсон ч хамаагүй жүжигчин болно гэж мөрөөддөг юм.

-Удамд тань урлагийн хүн бий юу?

-Манай аав Ганхуяг гэж Сүхбаатар аймгийн Халзан сумын хүн. Соёлын тэргүүний ажилтан цолтой жүжигчин. Аав маань эхээс наймуул. Бүгдээрээ урлагийн авьяастай. Бага байхдаа наймуулаа тайзан дээр гарч тоглолт хийдэг байсан гэсэн. Тэднээс манай аав л жүжигчин болж урлагтай амьдралаа холбосон ч гэлээ бусад нь бас л урлагт элэгтэй хүмүүс шүү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Аз жаргал мэдрүүлдэг “Sugar”

“Maroon 5” хамтлагийн “Sugar” гэж дуу бий. Хэмнэлтэй хөнгөн аятай энэ дууг дагаж дуулсаар ажилдаа ирэхэд цаанаа л нэг аз жаргалтай. Таарсан хүн бүр рүү сайхан инээмсэглэмээр тийм нэг таатай мэдрэмж төрүүлдэг юм. Угаасаа дууны клипэн дээр ч хуримлаж буй хос дээр очиж гэнэтийн бэлэг барьдаг тухай гардаг. Амьдралынх нь хамгийн чухал өдөр хайртай хамтлагийнхан нь ирж гэнэтийн бэлэг барихад хэрхэн аз жаргалд умбаж буйг өгүүлдэг юм. Нэг ёсондоо сайхан дуу тийм хүчтэй гэсэн үг. Дэлхийн хөгжмийн ертөнцийг бүтэн хоёр сарын турш байлдан дагуулсан энэ дууг “Youtube” сайтаас 712 сая хүн үзсэн байна лээ. Яг үүн шиг нэг сонсоод л сэтгэл сэргээд, цоглог болгодог дууг манайхан гаргадаг болмоор байна. Сүүлийн үеийн шинэ уран бүтээлүүдийг сонсоод байхад дандаа л гансарсан, шаналсан утгатай байх юм. Эс бөгөөс хаягдаж бүтэлгүйтсэн хайрын тухай дуулна. Нэг нэгийгээ магтаж, талархаж, хайрлан дуулж болдоггүй юм байх даа. Магтвал гагцхүү адууны тухай л дуу зохиох ажээ. Адгуусыг өөд уруугүй магтан дуулахын оронд хүний тухай ганц сайхан дуу зохиож болмоор санагдана. Тэрийгээ хит болгож олон нийтэд хүргээсэй. Тухайлбал, дээр өгүүлсэн “Мaroon 5” хамтлагийн “Sugar” дууны хэсгийг өөрийнхөө хэмжээнд орчуулбаас

Би зүгээр л чамтай хамт баймаар байна

Тиймээс чи айх хэрэггүй

Надад гялалзсан зүйл хэрэггүй

Нүүрээ будах хэрэггүй, хонгор минь

Над дээр ирээч хайрт минь

Яагаад гэвэл надад хайр, энхрийлэл хэрэгтэй байна

Чи надад сайхан хайрыг мэдрүүлээч

Амьдралд минь гэрэл гэгээ хэрэгтэй байна… гэдэг юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай жүдочдод Риогийн олимп аймаар байх болов уу?

“Астана-2015” жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны нийслэлд болж өнгөрлөө. Энэ тэмцээнээс манайхан гурван хүрэл медаль авсан. Мөн эрэгтэй шигшээгийнхэн багийн төрөлд гуравдугаар байр эзэлж шагналын тавцанд зогслоо. Жүдочдын энэхүү амжилтыг түүхэнд байгаагүй гэж өндрөөр үнэлэн шуугиж байгаа. Өнгөц харахад улсынхаа төрийн далбааг Астанагийн тэнгэрт гурвантаа мандуулж сайн оролцсон байна. Гэхдээ яг энэ байдлаараа “Рио де Жанейро-2016” олимпийн наадамд оролцоход бэлэн үү. Амжилт гаргаж, төрийн дууллаа эгшиглүүлж чадах уу.

Энэ удаагийн ДАШТ-ий үеэр нэг зүйл маш тод анзаарагдсан. Юу вэ гэвэл манай тамирчдын нас аргагүй хөгшдөж байна. -100 кг-ын жинд зодоглосон олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын өрсөлдөгч нар өөрөөс нь даруй арван насаар дүү байна лээ. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд учраа таарсан Германы жүдоч л гэхэд 1991 оны “хүүхэд” байв. Манай аваргаас долоон насаар дүү гэсэн үг. Энэ хоёр ана мана үзэлцсэн, татами дээрх тэмцэл ямар байх ёстойг харуулж байсан. Үндсэн цагт ингэж тэнцүүхэн өрсөлдөөд нэмэлт цаг сунгахад Н.Түвшинбаяр ядарч байна лээ. Манай аваргын ядарсан үеийн хурд, самбаа, тэсвэр тэвчээр өөрөөсөө долоо дүү бөхийг гүйцсэнгүй. Энд яалт ч үгүй насны юм яваад байна. Түүнээс биш манай бөх туршлага, авьяас, чадвараараа дутсангүй. ДАШТ-д оролцсон манай улсын шигшээ багийн хамгийн ахмад нь 1984 оных бол залуу нь 1996 оны тамирчин байлаа. Гол найдвар болж улсынхаа нэрийг тахалдаг бөхчүүд дандаа 1984, 1985 оныхон. Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, М.Бундмаа, Г.Болдбаатар гээд ихэнх нь 1980-аад онд төрсөн. Гэтэл бусад улсын шигшээ багийн тамирчдын хамгийн ахмад нь 1991 оных байна. Ид насан дээрээ яваа шижигнэсэн залуусыг харьж яваа манай бөхчүүд гүйцэхгүй юм биш үү. Мэх, туршлага, авьяас чадвараараа дутаагүй ч үнэндээ тэдний хурдад дийлдсэн. Энгийнээр бодоход ижилхэн бэлтгэл хийсэн 35 болон 25 настай бөхчүүдийг хооронд нь барилдуулахад залуу нь илүү байна гэдэг ойлгомжтой. Манай улсын хамгийн залууд тооцогдож байгаа Ц.Цогтбаатар 19 настай байгаа нь дэлхийд бараг л хөгшдөх гээд байна. Хөгшиддөггүй юм аа гэхэд залууд лав тооцогдохгүй. Үүний зэрэгцээ олон жил жүдогийн дэвжээн дээр барилдаж буй хэдэн аварга маань дэлхийд бүрэн судлагдчихжээ. Х.Цагаанбаатарыг нэг бол өмсөнө, эсвэл хонгодно гэдгийг өрсөлдөгч нь мэдээд байна. Н.Түвшинбаярыг үүрэх үед юу хийх вэ гэдгээ урьдчилан бэлдчихээд хүрч ирдэг. Ямар сайндаа саяны ДАШТ-ий үеэр монгол бөхчүүдийнхээ барилдааныг хамт үзэж суусан хүн “-100 кг-ын гадны бөхчүүд Н.Түвшинбаяр аваргыг ямар мэх хийх вэ, яаж барилдах вэ гэдгийг О.Балжиннямаас илүү мэдээд, мэдрээд байна” гэж бухимдах вэ дээ. Нэр дурьдаад, төрсөн оныг нь бичээд байгаа дээрх бөхчүүд бол жүдогийн алтан үеийн тамирчид мөн. Жүдогийн татами дээр олон жил ноцолдож яваа тэд одоо тамирчдаа дасгалжуулдаг болмоор байна. Арвин их туршлагадаа тулгуурлан дараагийн үеэ бэлдэж гаргаж ирэх зайлшгүй хэрэгтэй. Тэгэхгүй бол жүдод дараагийн үе гэж байхгүй болчихлоо. Ялангуяа хүнд жингүүдэд. 81, 90, -100, +100 кг-ын жинд барилдах бөхгүй болчихоод байна. Тэднийг нэн даруй бэлтгэж эхлэхгүй бол Риогийн олимпод оролцох тамирчингүй болох нь. Бас нэг зүйл байгаа нь манай дасгалжуулагч нар. О.Балжинням аварга жүдочоо татами дээр гаргасан хойноо юу ч зааж өгөхгүй юм. Дэмий харж суухаас өөр нэмэргүй харагдах юм. Эсвэл яаж ч ориллоо гээд өнөөдүүл нь сонсдоггүй юм болов уу. “Хөөш наадах чинь чамайг үүрэх гээд байна, ханцуйны барьцаа тавь” гээд хашгирч болдоггүй юм уу. Ш.Цэвэлмаа дасгалжуулагч бас л олигтой зөвлөхгүй. Бүр багийн аваргын төлөөх барилдааны үеэр “Яанаа, би харж чадахгүй нь ээ” гэж аальгүйтэн нүүрээ дарж байгаа нь зурагтаар гарсан. Ямар гэртээ суугаад монгол бөхчүүдээ дэмжиж байгаа би биш. Их спортод ялж, ялагдахын амтыг яс махандаа шингэтэл мэдэрсэн хүн ингээд сууж байж болох уу. Тэдэнтэй харьцуулахаад гадны дасгалжуулагч нарыг харъя. Ёстой нэг ааг амьсгаагүй орилно. Амаа хаттал, хөлсөө цувтал тамирчнаа дасгалжуулж байна. Үгүй дээ л хором бүрт дасгалжуулагч нь орилоод байхаар дэвжээн дээр хамт байгаа мэт санагддаг байлгүй. Багшийнхаа зөвлөгөөг сонсоод зориг орж, мэхээ даацтай хийдэг байх гэж бодогдох юм. Дээрээс нь гайгүй сайн дасгалжуулагч нараа Өмнөд Монголд алдчихлаа. Монголын жүдог өдий зэрэгтэй болгосон ардын багш Ч.Насантогтох, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар нар өмнөд монголчуудыг бэлтгэж байна. Ч.Насантогтох багшийн үед Монголын жүдочид олимпийн наадамд аваргалж байлаа. Яаж бэлтгэвэл олимпоос медаль авах вэ гэдэг арга замыг Ч.Насантогтох тэргүүтэй багш, дасгалжуулагчид боловсруулж байсан. Өдгөө тийм хэмжээний бэлтгэлийг өмнөд хөршийнхөн маань хийж байна. Үр дүнгээ ч хараад эхэлчихлээ. “Чингис хаан-2015“ гран при тэмцээний үеэр Өмнөд Монголын жүдоч Сайнжаргал гэх залуу 73 кг-д барилдаад С.Ням-Очир тэргүүтэй бөхчүүдийг нутгийн дэвжээн дээр нь ялж алтан медаль авсан. Түүний дасгалжуулагч нь Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар байв. Х.Болдбаатар Хөх хотод очоод нэг жил, Ч.Насантогтох багш гурван жил болж байгаа. Тэд Риогийн олимпоос медаль хүлээж байгаа нь гарцаагүй. Тэгэхээр манай тамирчид өмнөхөөсөө хэд дахин илүү эрчимжүүлсэн бэлтгэл хийж байж олимпийн наадам гэж ярих цагтай нүүр тулж ирээд байна.

Мөн манай жүдочдын тэмцэлдэх чадвар асар сул байна. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргуудыг харчих. Г.Болдбаатар өрсөлдөгчийнхөө өөдөөс ямар ч мэх хийхгүй юм. Ёстой нэг гүлдийж байгаад ялагдах жишээтэй. М.Уранцэцэг байна. Юу ч хийлгүй, ямар ч тэмцэл гаргалгүйгээр цэвэр тавиулаад байсан. Тэд ана мана, гал гарсан барилдаан яагаад хийхгүй байна вэ. Сэтгэлзүйдээ байдаг юм уу, эсвэл жин хасаж өлсөөд сэнсэрчихсэн очдог юм уу. Бүр нэг гуринхалсан “амьтад” л ноолуулаад байх юм. Улсын наадмын үеэр эцсэн морийг бишгүйдээ харж байлаа. Нүд нь шил шиг гөлийсөн байдаг. Ямар ч галгүй болчихсон ирдэг. Яг тийм нүд гаргачихаад “амьтны” дор ороод гүлдийгээд хэвтээд байна лээ. Бөхчүүд яагаад иймэрхүү барилдаж байгааг жүдогийнхон хоорондоо ярьдаг уу. Бидэнд өшөө илүү амжилт үзүүлэх арга зам юу байна гэж боддог уу. Жүдогийн холбооны ах дүүсэг, гэр бүлсэг, хамт олонсог, нутгархаг нь хэрээс хэтэрсэн юм биш үү. С.Ням-Очир л гэхэд хүрэл медалийн болзол хангачихаад дасгалжуулагчийнхаа өмнө сунаж мөргөөд байсан. Амьд бурхан өмнө нь зогсож байгаа аятай харагдаж байна лээ. Энэ хэрээс хэтэрсэн нялуун үйлдэл. Иймэрхүү маягаар явбал бид Риогийн олимпоос медаль горьдож суух хэрэг байгаа юм уу. Нутагтаа үлдэж захыг нь мушгин зурагтаа ширтэж суугаа бид тэмцэлдсэн, тулалдсан, гал гарсан барилдаан та нараас хармаар байх юм. Гэтэл өөгшүүлж, эвийлсээр байгаад эрхийн балай хүүхэд шиг болгочихож. Ялагдаад ирж байхад нь сайн барилдсан шүү гэх нялуун үг хэлж хөөрөгдөөд байх юм. Ялангуяа зурагтын тайлбарлагч нар. Яалт ч үгүй ялагдаад байхад ялах байлаа, сайн байлаа, шүүгчийн алдаа гэхчилэн эрээ цээргүй өмөөрнө. Дэлхийн аваргын тэмцээнийг шүүж байгаа хүмүүс та нараас л дор байв гэж. Гарцаагүй ялагдчихаад байхад л манай бөх сайн байлаа гэхийн оронд муу барилдлаа гээд хэлэх зүрх алга уу. Ямар ч идэвхгүй барилдаж оноогоор ялагдсан бөхчүүдээ сайн байлаа гэж ам хуурайгүй ярих нь буруу үйлдэл хийсэн хүүхдээ өмөөрч байгаа эцэг эх шиг санагдана. Угтаа бол үнэнийг хэлж баймаар байна. Энэ бүхэн хэнд хэрэгтэй вэ гэвэл бөхчүүдийнхээ мууг үзэхдээ огт биш юм. Бидний дараагийн тэмцээнд хэрэгтэй. Дараа дахиад дэлхийн татами дээр гарахдаа амьтанд ноолуулсан, шоргоолжинд бариулж буй голио шиг гүлдийсэн тамирчдаа харж, өр өмөрч суумааргүй байна. Яаж ч ялагдсан ядаж л эцсээ хүртэл тэмцэлдсэн Н.Түвшинбаяр аварга шиг дайчин бөхийг харъя. Бид ноолуулдаг ард түмэн биш. Дэлхийд данстай, дээрээ тэнгэртэй ард түмэн юм шүү.

Categories
мэдээ цаг-үе

Усайн Болт “Рио-2016” олимпийн наадмаас өмнө Монголд очно гэжээ

Дөрвөн өдрийн
өмнө Усайн Болт “Ямайкийн ард түмний төлөө би эцсийн хүчээ шавхлаа. Энэ бол ард
түмний минь ялалт” гэж жиргэжээ. Уг жиргээ түүний дэлхийн аваргын 11 дэх алтан
медалиа авсны дараахь сэтгэгдэл. Өнгөрсөн долоо хоногт Бээжин хотноо болсон
хөнгөн атлетикийн ДАШТ-д түүнийг хэрхэн “нисэхийг” дэлхий тэр аяараа харж
байлаа. Олон сарын турш үргэлжилсэн бэртлийн дараа урьдынх шигээ гүйж чадах уу,
Гэтлин түүний өмнө гишгэж Болтыг гуниглуулах уу гэхчилэн олон таамаг байсан.
Үнэхээр л энэ удаагийн ДАШТ Болтоос зөвхөн алтан медаль шаардаагүй юм. Хөнгөн атлетикийн
түүхэн дээд амжилтуудыг эвдэж, гайхамшиг гэж юу байдгийг олонд харуул гэсэн
битүүхэн даалгавар байлаа. Тэр нь алдарт тамирчин Карл Луис, Б.Жонсон нарын
найман алтан медалийн урд бичигдэх хүндхэн сорилт байв. ДАШТ эхлэхээс өмнө
тэрээр хэвлэлийн бага хурал дээр “2008 оны олимпийн наадмыг битгий мартаарай.
Энэ удаагийн ДАШТ хаана болж байгаа билээ” гэсэн хоёрхон өгүүлбэр хэлжээ.
Нээрээ л “Бээжин-2008” олимпийн наадмын үеэр Усайн Болт жинхэнэ сенсаац тарьсан
даа. Эрэгтэйчүүдийн 100, 200 метрийн зайд болон 4*100 метрийн буухиа гүйлтэд
түрүүлэн Ямайкийн төрийн дууллыг гурвантаа эгшиглүүлсэн юм. Тэгэхээр яах
аргагүй Бээжин Усайн Болтод ээлтэй байдаг гэдгийг санах хэрэгтэй.

“Цахилгаан”
хочтой Болт 1986 оны наймдугаар сарын 21-нд Ямайка улсын Трелавни гэх жижигхэн
хотод төржээ. Тэдний удамд спортын хүн байхгүй. Аав ээж нь гудамжинд ногоо зарж
үр хүүхдээ тэжээдэг байсан гэдэг. Хүүхэд байхдаа ганц ахтайгаа хөлбөмбөг тоглох
дуртай байсан бөгөөд хөнгөн атлетикийн спорт гэж юу байдгийг ч мэддэггүй явжээ.
Харин сургуульд орсноор 100 метрийн төрөлд гүйж эхэлсэн байна. Түүнийг уралдаан
тэмцээнд оролцуулдаг Уиллям Нийб гэж багш “Хэн нэгэн чиний өмнө гишгэх л юм бол
бүх зүйл дууссан гэж ойлгоорой. Зөвхөн нэг тэмцээн дээр ч биш, насан туршид
чинь” гэж хатуухан сануулдаг байв. Болт ч багшийнхаа итгэлийг алдалгүй, 100
метрт хэнийг ч өмнөө гишгүүлэхгүй гэдгээ батлан харуулж байлаа. Улмаар Пабло
Макнэйл, Дэвэйн Баррет нар түүнийг дасгалжуулах болсноор хотынхоо хэд, хэдэн
тэмцээний 100 болон 200 метрийн зайд түрүүлжээ. Гэвч тэрээр өөрийгөө хэзээ ч
гүйлтээр амжилт олно гэж боддоггүй байсан гэнэ. Түүгээр ч үл барам бэлтгэл
хийхээс илүүтэй компьютер тоглоомд автдаг байжээ. Компьютерийн хойно нэг л
суусан бол хэд бол хэдэн цагаар “наалдаж” босохоо үл мэддэг муу зантай байв.
Энэ байдалтай нь Пабло Макнэйл тууштай тэмцсэнээр их спорт руу хөтлөн оруулсан
гэдэг.

2001 он түүний
амжилтын эхлэл байв. Унгарт болсон хөнгөн атлетикийн өсвөрийн ДАШТ түүний анхны
олон улсын тэмцээн болсон юм. Анх удаа дэлхийн аваргад оролцож байгаа болохоор
шагналын тавцан мөрөөдөлгүйгээр хувийн амжилтаа эвдэнэ гэсэн зорилготой явжээ.
200 метрт 21.73 секунд гүйж зорилгодоо ч хүрч. Гэтэл сайны хажуугаар саар
гэгчээр бэлтгэлийнхээ үеэр зодооны асуудал үүсгэсэн нь эгээтэй л их спортоос
хөөлгөчихсөнгүй. Хатуухан зэмлэл, хүн бүрийн үзэн ядсан харцны дараа тэрээр
бэлтгэлдээ шаргуу оржээ. Хожим энэ тухайгаа “Дараагийн дэлхийн аваргад яаж
гүйхийг минь хараарай. Тэр үед та нарын наад муухай хорон үг хэрхэн
өөрчлөгдөхийг заавал харах болно” гэж өөртөө ам тангараг өгсөн байдаг.
Амлалтдаа ч хүрч 2002 оны өсвөрийн ДАШТ-ий 200 метрийн зайд алтан медаль авлаа.
Эх оронд нь болсон тус тэмцээний дараа хүн бүр түүнд өөрөөр хандах болсон
байна. Дасгалжуулагч нар 1.96 метрийн өндөртэй, 15-хан настай хүүг үндэсний
шигшээ багтаа авсан бөгөөд улсынх нь Ерөнхий сайд өөрийн биеэр түүнтэй уулзан
гэр бүлээрээ Кингстон хотод шилжин ирэхийг урьсан байна. Түүгээр ч үл барам
Ямайкийн сонирхогчдын хөнгөн атлетикийн холбоонд бэлтгэл хийх, Технологийн их
сургуульд суралцах боломжийг олгожээ. Шаргуу бэлтгэл сургуулилтын хүчинд тэрээр
хоёрхон жилийн дараа мэргэжлийн тамирчин болсон түүхтэй. Гэсэн ч түүнд олимп,
дэлхийн дэвжээ тийм ч зөөлөн байгаагүй юм. 2004 онд болсон Афины олимпод
өөрийгөө гайгүй сайн гүйнэ гэж тооцоолж байсан ч бэртлийн улмаас дөнгөж
нэгдүгээр шатнаас хасагдсан байдаг. Харин дараа жилээс нь амжилтаа ахиулсаар
нэг мэдэхэд дэлхийн шилдэг тавд багтах болов. Өрсөлдөгч Асафа Повел, Хавиер
Картер, Тайсон Гэй нарыг ардаа орхихсон гэх тэсгэлгүй их хүсэл түүнийг ойрын
зайн “хаан” болгосон юм. 2006 оны Гран при тэмцээний үеэр 200 метрийн зайн дээд
амжилтыг 19.88 секунд болгон шинэчилжээ. Улмаар Афины цомын тэмцээнд мөнгөн
медаль, 2006 оны АНУ-ын Гран пригийн 200 метрийн төрөлд 36 жилийн турш хэний ч
эвдэж чадаагүй байсан 19.76 секундын дээд амжилтыг 0.11 секундээр урагшлуулсан
байна. Амжилтдаа урамшсан түүнийг 2008 оны Бээжингийн олимп хүлээж байлаа.
Бээжинд 200 метрийн зайд 19.30 секунд хурдалж 1984 оны Лос Анжелосын олимпийн
наадмын үеэр Майкл Жонсоны тогтоогоод байсан 19.32 секундын амжилтыг эвдэв. Энэ
өдөр түүний 22 насны төрсөн өдөр байлаа.

Амжилт үүгээр
зогссонгүй. 100 метр болон 4*100 метрийн буухиа гүйлтэд аваргалж дэлхийн дээд
амжилтуудыг нэгэн дор эвдсэн түүнийг дэлхий даяар “Цахилгаан” Болт хэмээн
нэрлэх болсон юм. Олимпийн наадмаас бусад түүний оролцсон тив, дэлхийн
тэмцээнийг тоочиж барамгүй. Нэг олимпоос гурвын гурван алтан медаль авсан
түүнийг 2006 оны дэлхийн шилдэг эрэгтэй тамирчин болгосон байна. Шагналынхаа
дараахан Берлиний ДАШТ-ий үеэр дахиад л олныг гайхашруулан өөрийнхөө тогтоосон
дээд амжилтуудыг 0.11 секундээр ахиулжээ.
Энэ хугацаанд тэрээр Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны оны шилдэг
тамирчнаар таван удаа, Ямайкийн оны шилдэг тамирчнаар таван удаа, “BBC”
агентлагаас шалгаруулдаг хилийн чанад дахь оны шилдэг тамирчнаар гурван удаа
шалгарсан. Дэлхийн супер од тэрээр “Рио-2016” олимпийн наадмын дараа зодог
тайлна гэдгээ энэ оны хоёрдугаар сарын 14-нд албан ёсоор мэдэгдээд байгаа
билээ.

Хувийн амьдралын
тухайд тэрээр гэр бүл зохиож хараахан амжаагүй байгаа. Мэдээж хэрэг найз
бүсгүйчүүд байлгүй яахав. Британийн шигшээ багийн тамирчин Меган Эдвардс,
Словакийн загвар зохион бүтээгч Любица, хөгжимчин Эванс, “Манчестер Юнайтед”
багийн үнэнч фэн Ребекка, Лиза Гейли гээд олон бүсгүйтэй үерхэж байв. Тэр
дундаас хамгийн удаан үерхсэн нь Любица. Хосуудыг удахгүй гэр бүлээ батлуулна
гэж нэг хэсэг хэвлэлээр шуугисан ч удалгүй хоёр тийшээ болсон юм. Өдгөө тэрээр
АНУ-д хоёр ч эдлэн газартай хангалуун амьдарч байгаа. Бас Лондонд шилтгээнтэй
гэх юм билээ.

Жилийн 7.1 сая
фунтын орлоготой дэлхийн одыг Монголд ирэх тухай яриа сонсогдож эхэлсэн.
Монголын хөнгөн атлетикийн холбооны удирдлагууд өнгөрсөн ДАШТ-ий дараа Усайн
Болттой уулзаж эх орондоо урьжээ. “Монголд хөнгөн атлетикийн спортыг
хөгжүүлэхэд таны оруулах хувь нэмэр их бий. Манай улсад албан ёсоор айлчилна
уу” гэх хүсэлтийг Болт хүлээн авч “Рио-2016” олимпийн наадмаас өмнө амжиж ирэх
тухай ярьсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Малыг хөлөөр биш махаар нь гаргая

Улсын онцгой комисс хэд хоногийн өмнө хуралдахдаа дотоодын хэрэглээнээс илүү гарч байгаа амьд мал, махыг экспортлох асуудлыг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгосон. Нэг ёсондоо монголчууд малыг амьдаар нь гадагш гаргаж болно гэж үзлээ. Ингэж болохгүй. Дэлхийн бусад орнууд махыг үйлдвэрлэлийн технологид оруулаад, боловсруулаад, эрүүл ахуйн шаардлага хангасан үед нь зах зээлд нийлүүлдэг. Манайх шиг амьдаар нь экспортолно гэх сэтгэлгээ байхгүй. Махаар нь гаргавал бидэнд ямар ч ашиггүй. Хөлөөр нь гаргахдаа зөвхөн махаар нь тооцоолж үнэлээд гаргавал түүн шиг хэрэггүй зүйл байхгүй болно. Малд ашиггүй эд эрхтэн, үс ноос гэж нэг ч байдаггүй. Баас нь хүртэл бүтээгдэхүүн болно. Хатуу ширүүн уур амьсгалтай манай улсын мал шиг бат бөх арьс, ширтэй газар хаа ч байхгүй. Жишээ нь, хүмүүсийн төдийлөн анзаардаггүй сарлаг байна. Монгол сарлагийн шир дэлхийн гутлын үйлдвэрүүдийн сонгодог түүхий эд болдог. Чоно ч мэрээд дийлэхгүй тийм бат бөх ширийг монгол сарлагаас л авна. Түүнтэй адил монгол үхрийн ширийг сайтар боловсруулчих юм бол хүйтэн нэвтрүүлэхгүй, дулаан алдахгүй. Гутлаар зогсохгүй техникийн зориулалттай машин, тоног төхөөрөмжийн туузан дамжлага, жийргэвч, тоноглолын сур гээд олон зүйлд өргөн хэрэглэх боломжтой. Бэлчээрийн үхрийн шир бусад улсынхтай харьцуулбал таваар, технологийн шинж чанар сайтай байдаг гэсэн. Түүгээр ч үл барам чийг 63.3 хувь, уураг 30.1 хувь байдаг нь бусад улс орныхтой харьцуулшгүй өндөр үзүүлэлт гэх юм билээ. Зөвхөн арьс, шир гэлтгүй эд, эрхтнээр нь эм бэлдмэл хүртэл хийдэг гэсэн. Тэгэхээр төрөл бүрийн ашигтай монгол малыг гадагш хөлөөр нь гаргаж хэрхэвч болохгүй. Амьд мал экспортлохыг түргэн шийдэх талаар яригдсаны дараахан Дорнодын “Хавирга-Ар хашаат” боомтоор адуу гаргаж байгаа зураг олон нийтийн сүлжээгээр тарсан байна лээ. Гаргахдаа голдуу шүдлэн, хязаалан насны адуу ачсан байх бөгөөд нэгийг нь 500 мянган төгрөгөөр үнэлэн урд хөрш рүү нийлүүлсэн гэх мэдээлэл олны анхаарлыг татсан. Иймэрхүү маягаар үнэлэн малаа амьдаар нь экспортод гаргана гэдэг нүүрсээ хямд зарж байгаатай адил зүйл. Монголчууд мал аж ахуй дээрээ нэмүү өртөг шингээн үйлдвэрлэж гадны зах зээлд нийлүүлбэл уул уурхайгаас дутахгүй ашиг олно. Зөв бодлогоор ажиллаж чадвал “Чалко”-гоос зээлсэн 250 сая ам.долларыг хэд нугалсан ашиг олох боломж бий. Малыг боловсруулж гаргахад бидэнд ашигтай. Түрүүн хэлсэнчлэн амьсгалаас бусдад нь нэмүү өртөг шингээн бүтээгдэхүүн гаргаж авах хэрэгтэй. Ингэж бид мөнгөтэй болох юм. Монголчууд түүхийнхээ турш малыг амьдаар нь гаргадаг байлаа. Тийм ч болоод бид баян байж үзсэнгүй. Чингисийн үед л дайны олзоор баян, хангалуун амьдарч байсан байх. Тэрнээс хойш дутмаг амьдарч байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар малаа амьдаар нь гаргаж байжээ. Гадныхан манайхаас мах авч буй нэрийдлээр амьдаар нь импортлоод тэндээ өсгөж, үржүүлээд байдаг. Монгол малынхаа генийг гадны улс орнуудад алдаж байхаар хурдхан шиг малын арьс, шир, түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдээ өргөжүүлмээр байна. Байгаа хэдэн үйлдвэрээ өөд нь татаж, шинэчлэл хийж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахад чиглэсэн зөв бодлоготой болбол амьд мал гаргахаас хэд дахин илүү орлого олно. Тэгээд ч Хятадаас бусад улс боловсруулаагүй мах худалдаж авахгүй л болов уу. Учир нь олон улсад эрүүл ахуйн стандартын шаардлага өндөр байдаг. Манайхаас мах авъя гэсэн бүхэн эрүүл малын мах авна гэх ганцхан зүйлийг шаардах нь тодорхой. Саяхан Вьетнам улс манайхаас мах нийлүүлэх сонирхолдоо хөтлөгдөн шинжээчдээ ирүүлсэн байна лээ. Ямар үнэлгээ тавьсан нь өнөөдөр тодорхойгүй байна. Энэ зуурт зүүн хилээр малыг амьдаар нь гаргаад эхэллээ. Мал, амьтнаас гаралтай халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс хилээрээ ч давуулах ёсгүй. Гэтэл урд хөршийнхөн маань амьд мал авах санал тавьсан нь цаанаа учиртай юм. Тэд малын юуг, яаж ашиглах вэ гэдгээ мэднэ. Түүхий эдийг нь боловсруулж, үнийг нь хэд дахин нэмээд эргээд манай улсын зах зээлд нийлүүлнэ.

Хэд хоногийн өмнө Зуунмод хотын гутлын үйлдвэрийн дарга зурагтаар ярьж байна лээ. Манайхан арьсаа гүйцэд боловсруулж чаддаггүй болохоор ашиглахад тохиромжгүй байдаг. Түүний оронд хятад арьс хамаагүй сайн байдаг тухай ярьж байсан. Бас нийлүүлэлт бага байгаа талаар ярьж байв. Импортоор орж ирсэн арьсыг өндөр үнээр худалдаж аваад байхаар түүнийгээ дагаад бүтээгдэхүүнээ үнэтэй зарахаас өөр аргагүй болно. Өнгөрсөн жил “Чингис бонд”-ын хөрөнгөөс зээлж авч хэд хэдэн үйлдвэр шинэчлэл хийсний дотор гутлын үйлдвэрүүд байсан. Тэд түүхий эдээ бас л гаднаас авч байгаа. Гаднаас өндөр үнээр аваад байгаа боловсруулсан арьс нь угтаа бол Монголынх. Биднээс хямд үнээр худалдаж авсныхаа дараа боловсруулаад эргээд бидэнд зах зээлийн үнээр зардаг. Энэ нь нэмүү өртөг тэдэнд шингэж байна гэсэн үг. Хэрэв бид малаа боловсруулаад бүтээгдэхүүн хийж гадны зах зээлд гаргавал гурав дахин их ашиг олно гэх тооцоо бий.

2015 оны эхний хагас жилийн байдлаар 66 сая мал зусч байгаа гэсэн тоог салбарын яамнаас гаргасан. Үүнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас гадаад, дотоодын зах зээлд нийт 20 сая малын мах нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм билээ. Одоогоор найман компани нийт 4051 тонн мах экспортлох эрх аваад байгаа. Үүн дээр амьд малын тоо нэмэгдэнэ. Тэгэхээр Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр хэрэгжиж эхэлбэл бид мөнгөө алдаж эхлэх юм. Хэрэв боловсруулах үйлдвэртэй болчихвол мал аж ахуйг түшиглэн орж ирж буй мөнгө гурав дахин нэмэгдэнэ.

Хөдөө аж ахуй бол ажлын байрыг олноор нэмэгдүүлдэг салбар. Бас стратегийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдгээрээ уул уурхайгаас давуу талтай. Эдгээрийг бодолцож боловсруулах үйлдвэр барих ажлыг хурдхан эхлүүлэхгүй бол амьдаар нь гаргаж байгаа малынхаа тоогоор алдагдалтай ажиллах нь ээ, бид.


Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ажилсаг хүмүүст тусалъя

Дүрэлзэж буй галаас дүүгээ аварсан
ахад туслах, эмнэлгийн өрөөг тохижуулах зэрэг бусдын сайн сайхны төлөөх аянд оролцох
хүсэлтэй хүн олон болсон байна лээ. Тэд өөрт байгаа боломжийнхоо хэрээр бусдад тусалдаг.
Олны хүч оломгүй далай гэдэг болохоор сайхан сэтгэлтэй хүмүүсийн тус заавал нэг
сайн үр дүн дагуулдаг юм. Энэрэх сэтгэлээр өвдөж зовсон нэгэнд туслах шиг сайхан
зүйл хаа байх билээ. Харин олон хүний бусдыг гэх сэтгэлийг зөв зүйлд ашигламаар
санагдах юм. Саяхан фэйсбүүк хуудаснаа “Улаан чулуутын хогийн цэг дээр амьдардаг
хүмүүст тусалъя” гэсэн уриалга явж байв. Газар дээр нь очиж хүмүүстэй танилцахад
хогон дотроос хоолоо олж идэн ядуу амьдарч байгаа учраас тусалцгаая гэжээ. Тэр уриалгыг
уншаад дэмжмээргүй санагдсан. Ихэнх тохиолдолд ядуу, тарчиг амьдарч байгаа нь тэдний
өөрсдийнх нь буруу байдаг. Эрүүл саруул биетэй, эрхтэн бүтэн байтлаа бусдын адил
ажиллаж яагаад болохгүй гэж. Мэргэжил, боловсролгүй бол манаач, цэвэрлэгчээр ажиллаж
болно. Иймэрхүү ажлын байранд боловсрол гэхээсээ илүү найдвартай хүн хайж байгаа
компаниуд зөндөө бий. Тэд хамгийн гол нь архи уудаггүй, хулгай хийдэггүй байх ёстой
гэсэн шаардлага тавьдаг юм байна лээ. Тэгэхээр ажил олдохгүй байна гэдэг худлаа
л болов уу. Гар хөдөлбөл ам тосдоно гэдгийг мэдэх мөртлөө залхуу, арчаагүй зангаасаа
болж ядуу амьдарч байгаа хүмүүсийг тусламж нэрээр өөгшүүлэхээ болих хэрэгтэй. Магадгүй
тэдний үр хүүхэд хүний өмнөөс ядуу амьдарч байгаа мэт бусдаас бэлэн хоол хүлээгээд
сурчихаж мэднэ. Харин тэрний оронд өөрсдийн хүч хөдөлмөрөөр сайн сайхан зүйлд тэмүүлэн
амьдарч байгаа хүмүүсийг урамшуулдаг болъё. Өглөөнөөс орой болтол ажилладаг, хөдөлмөрийнхөө
шимээр сайхан амьдарч болдог жишээг бусдад харуулж буй айл өрхөд тусалж яагаад болохгүй
гэж. Тэдэнд мөнгө төгрөг, эд материал гэхгүйгээр нэг өдрийнх нь ажилд нэмэр болъё.
Залхуурч хэвтээд бусдын сэтгэлийг өвтгөөгүйнх нь төлөө, бас өдөр бүр ажиллаж байсных
нь төлөө ажилсаг хүмүүст тусалцгаая.