Categories
мэдээ цаг-үе

Д.Ганбат: Он дуусахаас өмнө ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн хуулийн төслийг өргөн барина

УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.

-Үндсэн хуулийн Цэцээс Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтыг түдгэлзүүлсэн. Ингэснээр банкууд ипотекийн найман хувийн хүүтэй зээлээ зогсоогоод байгаа. Харин АН болон Шударга ёс эвслийн зүгээс шинэ хуулийн төсөл өргөн барина гэж мэдээлсэн. Уг ажлын явцын талаар танилцуулахгүй юу?

-Өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулсан. Энэ дагуу Засгийн газарт саналаа хүргүүлж хариугаа авчихаад байж байна. Үндсэн хуулийн Цэцээс үл хөдлөх хөрөнгө, ялангуяа барьцааны тухай дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийн дагуу банкинд барьцаалсан хөрөнгийг иргэд бие биедээ шилжүүлж болох мэтээр хүлээж авсан байгаа. Иймээс Монголын банкуудын холбоо ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг зогсоож байна гэдгээ мэдээлсэн. Тиймээс АН болон Шударга ёс эвсэл бүлэгтэй хамтарч мэдэгдэл гаргахдаа “УИХ дээр хууль эрхзүйн орчныг засаж сайжруулаад найман хувийн ипотекийн зээлийг үргэлжлүүлэх ёстой” гэх байр суурийг баримталсан юм. Миний хувьд ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэх ёстой гэж үздэг. Уг зээл Монголын ард түмэнд өгөөжөө өгсөн. Нийт 75 мянган айл, өрх орон сууцтай болсон байдаг. Энэ маягаараа арван жил үргэлжлэхэд Улаанбаатар утаагүй болох боломжтой. Дээрээс нь жилийн найман хувийн хүү багасах ёстой. Дэлхийн жишгийг харж байхад ипотекийн зээлийн хүү нь 4, 5 хувьтай байдаг юм байна лээ. 25 жилийн өмнө бидний сонгосон нийгэм хүн өмчтэй байх, өмч нь үнэ цэнтэй, түүнийгээ барьцаалаад зах зээлийн харилцаанд ордог байхыг тунхагласан. Гэтэл энэ суурь ойлголт өнөөдөр бүхэлдээ уначихлаа. Иймээс хууль эрхзүйн орчныг баталгаатай бий болгохгүй бол санхүүгийн систем эрсдэлд орох аюултай. Хэрэв санхүүгийн системд ямар нэгэн саад тулгарвал улам замбараагүй байдал үүсэж магадгүй юм. Ипотекийн зээлээр авсан орон сууц үнэгүйднэ. Тэгэхээр богино хугацаанд засаж залруулаад хэвийн байдалд оруулах ёстой. Тиймээс шинэ хуулийн төсөл боловсрууллаа. Болж өгвөл энэ ондоо багтаагаад хууль эрхзүйн орчныг хэвийн болгох бодолтой байна.

-Шинэ хуулийн төслөө Үндсэн хуультай хэрхэн уялдуулж байгаа вэ?

-Би хувьдаа Үндсэн хуультай зөрчилдөхгүй гэж ойлгож байгаа. Гэхдээ Үндсэн хуулийн үг, үсгийг харахаас гадна агуулгаар нь ойлгож хүлээж аваасай гэж бодож байна.

-Хэдэн зүйл, заалттай хууль байх вэ?

-Өмнөх хууль Үндсэн хуулийн таван зүйл заалтыг зөрчсөн байна гэж дүгнэсэн. Цэцийн их суудлын шийдвэр бол эцсийнх байдаг. Тиймээс тийм, ийм гэж шүүмжлээд байх зүйл алга. Шинэ хуулийн төслөө Үндсэн хуулийг зөрчихгүйгээр боловсруулж байгаа. Хоёр, гурван заалттай байхад боловсруулсан.

-Шинэ хуулийн төсөлд зээлийн хүү хэд байх бол?

-Түрүүн би хэллээ шүү дээ. Дэлхийн жишигт 4-5 хувийн хүүтэй байдаг гэж. Манайх уг жишигтэй нэлээн ойртож очиж байгаа. Аажимдаа ипотекийн зээлийн хүү найман хувиас багасах боломжтой. Уг зээлийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх явцад 75 мянган өрх айл хамрагдаж чадсан юм чинь цаашид 6-10 жилийн хугацаатай үргэлжлүүлэх хэрэгтэй. Тэр үед 200-300 мянган айл орон сууцанд орчих байх. Сая ипотекийн зээлийг хэд хоног зогсооход барилгын салбар тэр чигтээ хямарлаа шүү дээ.

-Хуулийн төсөл хэр сайн болсон бол. Одоо иргэдийн дунд найман хувийн хүүтэй зээл хэзээнээс олгож эхлэх вэ гэдэг хамгийн чухал зүйл болчихоод байгаа?

-Ямар ч байсан Засгийн газраас саналаа авчихсан. Хууль тогтоох бүрэн эрхийн хүрээнд хуулийн төслөө өргөн барина. Түүнийг УИХ хэлэлцээд явах байх. УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа АН болон “Шударга ёс” эвслийн бүлэг дэмжиж байгаа. Тиймээс дэмжигдэх байх гэж бодож байна.

-Тэгэхээр оноос өмнө эргэж сэргэнэ гэж ойлгож болох уу?

-Сэргээхийн төлөө л ажиллаж байна. Хуулийн төсөл санаачлан өргөн барьж байгаагийн хувьд аль болох богино хугацаанд дэмжигдээсэй гэж бодож байгаа. Энэ төслийг хурдхан өргөн барьж шийдвэрлэхгүй бол гарах муу үр дагавар нь олон. Гэмт хэрэг, залилан мэхлэлт ихэснэ. Банк, ломбардны хүү маш өндөр болно.

Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: МАХН-тай МАН хамтарч ажиллах шаардлага байна

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Урт хугацааны хөгжлийн хөтөлбөртэй болох ажлын хэсэгт та орж ажиллаж байгаа. Уг хөтөлбөрийн ажлын явц ямар түвшинд байгаа вэ?

-Улсын их хурал дээр гурван намын бүлгийн дарга нараар ахлуулсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Уг хөгжлийн хөтөлбөртэй холбогдох хөгжлийн төлөвлөлтийн тухай хууль баталсан. Улс төрийн намууд бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн улс орныхоо ирээдүйг харсан хөгжлийн хөтөлбөр боловсруулах шаардлага бидэнд байна. 2021 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх мянганы хөгжлийн зорилтод суурилсан хөтөлбөр бий. Уг хөгжлийн хөтөлбөр дөрвөн жилийн дараа буюу нэг сонгуулийн дараа дуусах гэж байна. Сая НҮБ мянганы хөгжлийн зорилтуудаа авч үзээд шинээр хөгжлийн зорилтууд дэвшүүлэн тавилаа. Хамгийн сүүлд дэлхийн удирдагч нар Парис хотноо цугларч дулаарал, цаг уур, байгаль орчинтой холбоотой томоохон бичиг баримтууд баталлаа. Нэг ёсондоо ойрын жилүүдэд дэлхийн хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөх томоохон бичиг баримтууд баталсан. Тиймээс бид дотоод гэлтгүй гадаадад баримтлах бичиг баримтаа өөрчлөх шаардлагатай болж байгаа. Энэ утгаараа одоогийн парламентын үед хамгийн олон улс төрийн намын төлөөлөлтэй байгаа дээрээ урт хугацааны хөгжлийн хөтөлбөрөө боловсруулах нь зүйтэй. Ард түмэн, эрдэмтэн, судлаачдынхаа саналыг авч уг хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Эхнээсээ хувилбарууд гарч хэлэлцүүлэг өрнүүлж байна. Аливаа улс хөгжихийн тулд төлөвлөлт хэрэгтэй. Тиймээс ойрын 20 жилийн төлөвлөлт хийгээд, түүнийхээ дагуу улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг болохгүй бол тогтсон бодлогогүй яваад байна. Сонгогчдод гоё санагдаж болох ч хэрэгжих боломжгүй, шинжлэх ухааны тооцоо судалгаагүй, бусад салбартайгаа уялдаагүй байдаг. Хөгжлийн аливаа бодлого хоорондоо нягт холбоотой байх ёстой.

-Тэгэхээр ойрын хэдэн жилдээ бид урт хугацааны хөгжлийн ямар бодлого баримтлах ёстой вэ?

-Хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа гэж би түрүүн хэллээ. Уг хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн, судлаач нараас гурван гол санаа гарч ирж байгаа юм. Нэгдүгээрт, төр засаг аливаа шийдвэр гаргахдаа шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн салбарынхны үгийг сонсож шийдвэр гаргаж байгаач гэсэн санал. Ямар ч тооцоо, судалгаагүй сэтгэлийн хөөрлөөр гаргасан төрийн шийдвэр тус биш ус болж байна гэдгийг онцолж байгаа юм. Хоёрдугаарт, урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг бид баталж болно. Баталсан хойноо аль ч улс төрийн хүчин засгийн эрхэнд гарсан бай тогтвортой хэрэгжүүлээд явдаг чин эрмэлзэлтэй байгаасай гэж байгаа юм. Тэгэхгүй бол нэг нам нь нөгөөгөө үгүйсгэсэн шийдвэр гаргаад байдаг. Үүнийг хэрэгжүүлдэг төрийн захиргааны бүтэц бий болгоё. Монгол Улсын эдийн засгийн ерөнхий төлөвлөлтийг хийгээд явж байдаг байгууллагыг Засгийн газрын бүтцэд оруулаач гэсэн саналтай байгаа. Гуравдугаарт, олон мөрөөдлийн жагсаалт байж болохгүй. Тиймээс гадаадын өөрчлөлт, дотоодын чиг хандлагаа барьсан Монголын хөрсөнд буусан тодорхой хөгжлийн загвар гаргая гэж үзэж байгаа юм.

-Монгол Улс гадаад зах зээлд хэрхэн өрсөлдөж эдийн засгаа тэлэх боломжтой вэ?

-Манай эдийн засагт ирээдүйд өрсөлдөх чадамж бүхий таван гол салбар байна гэж харж байгаа. Бид нарын үйлдвэрлэсэн ямар бүтээгдэхүүнийг гадныхан сонирхох вэ гэдэг чухал. Мөн бидэнд ямар боломж, ямар нөөц байна вэ гэдгийг судлах ёстой. Бэлэн хувцас оёод гадны зах зээл дээр өрсөлдөж чадахгүй. Хятад, Индонез, Энэтхэгийн олон мянган хүнтэй, маш хямд ажиллах хүчинтэй өрсөлдөөд амжилт олно гэдэг худлаа. Мөн барууны брэнд дундуур орж бүтээгдэхүүнээ борлуулна гэдэг хүнд. Дотоодынхоо хэрэгцээг ханган ажлын хувцас ч юм уу үйлдвэрлэж болох ч тэр нь эдийн засгийг хөдөлгөх томоохон хүч болж чадахгүй. Эсвэл бид одоохондоо өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэвэл хөдөлмөрийн соёл, чадавхи, санхүүгийн боломж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өрсөлдөх чадавхи байна уу, үгүй юу. Тухайлбал, гар утас үйлдвэрлээд “Samsung”, “Apple”-тай өрсөлдөж чадах уу. Тэгвэл урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт ямар боломж байна вэ гэдгийг таван гол чиглэлээр харж байгаа юм. Нэгдүгээрт, уул уурхай. Олон улсын тавцанд байгалийн баялаг ихтэй орон гэдгээ хүлээн зөвшөөрүүлсэн. Тиймээс байгалийн баялгаа тодорхой хэмжээнд боловсруулалт хийж экспортлох боломж байна. Хоёрдугаарт, эрчим хүчний тоглогч байж болно. Өнөөдөр эрчим хүчийг нүүрс, сэргээгдэх эрчим хүч болох нар, салхи, уснаас гаргаж авч байна. Дээрээс нь атомын цахилгаан станц буюу уранаас гаргаж авч байгаа. Энэ гурван нөөц Монголд хангалттай, дэлхийд эхний тавд бичигддэг. Хятадаас эхлээд дэлхийн олон улс эрчим хүчний дутагдалтай байдаг. Тиймээс энэ гурван нөөцдөө тулгуурлаж байгальд ээлтэй, шинэ технологиор алсад экспортлох боломж байна гэж харж байгаа.

-Энэ жилээс мах боловс­руулж экспортод гаргая гэж ярьж байгаа. Энэ урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт тусгагдаж байгаа юу?

-Урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн гуравдугаарт, экологийн гаралтай органик бүтээгдэхүүнээр тодорхой зах зээлд гарах боломж байна гэж үзсэн.

Тэгэхгүй бол нийт зах зээл дээр өрсөлдөнө гэвэл дийлэхгүй. Монголын 56.2 сая малыг хонин толгойд шилжүүлбэл 92 сая мал өвөлжиж байгаа. Бүх малаа гадаадын зах зээл рүү гаргалаа гэж бодоход Хятадын долоохон хоногийн махны хэрэглээг хангана. Монголын бүх малыг хятадууд долоо хоног иднэ гэсэн үг. Тэгэхээр Монголын мах юугаараа бусад улсынхаас давуу талтай вэ гэдгээ харах ёстой. Байгалийн бэлчээрт цэвэр экологийн өвс идэж байгаа. Тиймээс давуу талаа олон улсаар баталгаажуулан хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Түүнээс биш манайх мал аж ахуйн орон гээд махны зах зээл рүү орвол дийлэхгүй. Зөвхөн үхрийн махны зах зээл ярихад Бразил улс 154 сая үхэртэй. Махны зах зээлийн дундаж тоглогч улс болох Уругвай гэхэд 12 сая үхэртэй байна. Тэд нарын дэргэд 3.6 сая үхэртэй Монгол Улс амжилт олохгүй. Дээрээс нь манайх махны чиглэлийн үхэргүй. Тиймээс бид органик хуулийн төсөл санаачлан ажиллах ёстой юм. Тодорхой зорилтот зах зээл дээр органик мах нийлүүлэх боломж бий. Түүнээс биш нэг тэрбум ам.долларын мах Хятад руу нийлүүлж чадахгүй. Манайд тийм чадавхи, нөөц алга. Гадагшаа худалдаа хийнэ гэдэг ганцхан удаа нийлүүлэлт хийхийг хэлэхгүй. Арав, хорь, гучин жилээр урт хугацааны гэрээ байгуулж байж гадны зах зээлд нийлүүлэлт хийнэ. Түүнчлэн бид тодорхой салбар дээр буюу оюун ухаан шаарддаг бизнесийг хөгжүүлэх боломжтой. Тухайлбал, автосоурсингийн чиглэлээр гаднаас захиалга авч дотооддоо программчлал хийж болно. Монголын хүн амын дундаж боловсролын байдал өндөрт тооцогддог. Залуучууд ихтэй болохоор бидэнд хөгжих боломж байгаа. Бас нэг боломж бол аялал жуулчлалыг хөгжүүлэх. Гэхдээ бид аялал жуулчлалын үйлчилгээг олон улсын стандартад хүргэж байж амжилт олно. Дээрх таван чиглэлээр бид ойрын хугацаанд олон улсын тавцанд өрсөлдөх боломжтой гэж харж байгаа.

-Гэхдээ дээрх таван чиглэлийн ихэнх нь зогсонги байдалд байгаа. Уул уурхай гэхэд л Монголын хөгжлийн бодлогыг тодорхойлох зүйл биш гэж ярьж байна. Махаа экспортолъё гэхээр ганц ч боловсруулах үйлдвэр алга.

-Бид нарт олон зүйл дутуу байгаа нь үнэн. Уул уурхайн бүтээгдэхүүн тодорхой циклээр босдог, унадаг. Гэхдээ үнэ унасан ч гэлээ өрсөлдөх чадвартай байж болдог. Харамсалтай нь 2012 оноос хойш уул уурхайн салбарынхаа өрсөлдөх чадварыг үгүй хийсэн. Хэрвээ бид тухайн үед гаргасан шийдвэрээ цуцлаагүй байсан бол өнөөдөр ажил хэрэг болоод явж байх байсан. Үнэ унасан ч гэлээ өрсөлдөх чадвартай байх байлаа. Уул уурхай нэг өдөр дуусахад ямар эдийн засгийн салбар үлдэх үү гэдгээ улс орны урт хугацааны бодлого дотроо тусгаж байх ёстой. МАН 2012 оны сонгуулийн өмнө 2030 он хүртэл улсаа хөгжүүлэх Ард түмний хөгжлийн хөтөлбөр санаачлан боловсруулсан. Тухайн үедээ МАН-ын гаралтай 11 залуу санаачлан МУИС, ШУТИС, СЭЗДС, Удирдлагын академийн эрдэмтэд оролцон ажилласан юм. Шинжлэх ухааны судалгаа тооцоотой хөтөлбөр байсан. Тэр үед хоёр том эрсдэл байна гэж тодорхойлсон. Эхнийх нь улс төрийн намуудын бужигнаан. Хоёр дахь нь, Монголын эдийн засаг нэг хөлтэй байна. Тэр нь уул уурхай. Хэрэв уул уурхай унах юм бол Монголын эдийн засагт хямрал бий болох юм байна гэж үзсэн.

-Засгийн газрын бүтэц өөрчлөгдөхийн хэрээр өмнөх баримталж байсан бодлого алдагддаг. Үүнийг тогтворжуулж, аль ч Засгийн газрын үед баримтлах бодлоготой байх боломж байдаггүй юм уу?

-Нэгдүгээрт, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байж Засгийн газар тогтвортой байх механизмыг хийх ёстой. Тиймээс Үндсэн хуульд ийм чиглэлийн өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол Ерөнхий сайд маш тогтворгүй байна. Дурын нэг гишүүн Ерөнхий сайдыг огцруулахаар өргөн барьчих жишээтэй. Дурын хэдэн гишүүн нийлээд Ерөнхий сайдаа дарамтлаад байна. Энэ нөхцөл байдал Ерөнхий сайд буюу Засгийн газрыг бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж өгөхгүй байна. Ялангуяа Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг 30 хувиар ажиллаж байна гэж үзэж байгаа. Хамтарч байгаа нөхөд, нам, бүлэг нь гацаагаад байдаг. 1996-2000 оны Засгийн газар яг ингэж ажиллаж байсан шүү дээ. Тиймээс Засгийн газраа ядаж 80-аас дээш хувьтай ажиллуулж байж ард иргэд үр дүнг нь хүртэнэ. Тэгэхээр энэ асуудлыг Үндсэн хуульдаа тусган өөрчлөх ёстой. Гэхдээ өнөөдрийн эдийн засгийн хямрал болгон Үндсэн хуулийн буруу биш.

-Засгийн газар битгий хэл УИХ ажлаа хийе гэхээр аль нэг нам ажил хаях нь холгүй болчих юм. МАН өнгөрсөн долоо хоногт завсарлага авч шийдэх ёстой олон асуудлыг гацаанд оруулснаар иргэдийн шүүмжлэл танай нам руу хаяглагдаж байна шүү дээ.

-Яагаад парламент бий болсон юм бэ. Хүн болгон, улс төрийн нам болгон өөрсдийн үзэл бодолтой. Тэд нарыг гудамжинд хашгираад хоёр тийшээ хараад суучихаар ширээний ард урд урдаасаа харж, дундаа асуудлаа тавьж бодлогоо уралдуулан асуудал шийддэг арга механизмыг парламент гэдэг. Гэтэл нэг нь хэзээ ч ширээний ард суухгүй гөжөөд, өөрийнхөөрөө зүтгээд гарж явчихаад байна шүү дээ.

Яг өнөөдрийн бодит байдалд хэн хаалганы гадна талд байна вэ гэхээр АН байгаа. МАН Дээд шүүхэд бүртгэлтэй 20 намынхаа төлөөлөлтэй хамт танхимд, ширээний ард суугаад хүлээгээд байна. Сонгуулийн хуулиа ярья, хар машинд ард түмэн итгэхгүй байна. Үүнийгээ ярилцаж шийдье гээд зааланд орж суучихаад байгаа. Ганцхан нам гадаа байгаа нь АН. Бусад нь хамтдаа хүлээж байна.

-Өнгөрсөн амралтын өдрөөр МАН-ын бага хурал болсон. Уг хурлын үеэр ямар асуудал яригдсан бэ?

-Дотоод эв нэгдлээ хангасан, боловсон хүчин, санхүүгийн бодлогоо шинэчилсэн хурал боллоо. Хүн ам, боловсон хүчнээ сонгох журамдаа өөрчлөлт орууллаа. 2016 оны бүх шатны сонгуульд нэр дэвших хүмүүсээ намынхаа анхан шатны байгууллага, намын гишүүдээр хэлэлцүүлэх журмаа баталлаа. Сонгуулийн бэлтгэл хангах асуудлаа дотооддоо ний нуугүй ярьж авлаа. Нэг ёсондоо сонгуулийн жилийн босгон дээр сонгуульд бэлтгэх бэлтгэлээ хангасан ажил хэрэгч хурал болсон.

-МАХН-тай нэгдэх тухай асуудлын талаар ярив уу. Намын гишүүд МАХН-тай нэгдэх асуудалд ямархуу байр суурьтай байгаа вэ?

-Улсын дээд шүүхийн 19 дүгээрт бүртгүүлсэн МАХН-тай МАН хамтарч ажиллах шаардлага байна. Зөвхөн МАХН гэлтгүй бусад улс төрийн хүчин, иргэний нийгмийн байгууллагатай Монголын язгуур ашгийн төлөө болдог бол нэгдэж, болохгүй бол хамтарч ажилламаар байна. МАХН дотор манай намын гаралтай хүмүүс тодорхой хувийг эзэлж байгаа нь үнэн. Гэхдээ энэ бол манай нам биш. Шинэ улс төрийн хүчин. МАХН-тай эвсэж сонгуульд орохын цаад үр дагаврыг бид сайн судлах ётсой. Нэгдэж нийлээд явахад санал нэгтэй байгаа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүүхэд хүн болж төлөвшихөд аавууд гол нөлөөтэй

АНУ-ын сэтгэл
судлаачид саяхан нэгэн судалгаа хийснээ олон нийтэд танилцуулжээ. Тэнд хүүхдийн
хүмүүжилд аавуудын үүрэг маш чухал нөлөө үзүүлдгийг дурдсан байв.

Хүүхэд том
болоод ямар хүн болох, зан ааш нь ямархуу байх нь гэр бүлийн гэхээсээ илүүтэй аавуудын
хүмүүжил, үйлдэл бүртэй нь шууд холбоотой байдаг гэнэ. Нийгэмд чухал байр суурь
эзлэх, амжилт гаргах зэрэгт хүүхдийн хүчин чармайлт дөнгөж 20 хувьтай байдаг ажээ.
Үлдсэн хувь нь аавуудтай холбоотой юм байна. Хэчнээн их ажилтай байсан ч гэлээ өдөрт
хорьхон минутын цаг зав гарган хүү, охинтойгоо ярилцаж чадвал таны хүүхэд том болоод
өөрөөс тань илүү амжилт гаргах нь. Үлгэр ярьж өгч, анги дээрээ юу хийсэн тухай нь
асуувал хүүхдийн өөртөө итгэх итгэл нэмэгддэг байна. Мөн бага балчир гэж гололгүйгээр
аливаа асуудлыг шийдэхдээ хүүхдээсээ заавал санал бодлыг нь асууж байвал ухаан нь
тэр хэрээр хөгждөг болохыг судалгааны дүн харуулжээ. Тэгэхээр та өөрийнхөө хүүхдийг
олны дунд гялалзсан амжилт гаргаасай гэж хүсэж байвал өнөөдрөөс эхлэн орой бүр
20 минут ярилцаад үзээрэй. Эцэг, эхдээ өөрийнхөө санаа бодлыг сонсгож байгаадаа
хүүхдүүд маш их баярладаг. Улмаар өөртөө итгэлтэй болохын зэрэгцээ бусдад хүндэтгэлтэй
хандаж сурдаг юм байна шүү.

Categories
мэдээ цаг-үе

Л.Эрдэнэчимэг: Цэргийн хугацаат албыг цаашид хоёр жил болгох нь зөв байх

УИХын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд цэргүүдийг татан оролцуулах тухай яригдаж байна. Уг хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Засгийн газрын зүгээс хоёр жилийн өмнө “Монгол цэрэг-бүтээн байгуулалт” хөтөлбөрийг баталсан байдаг. Гэвч хэрэгжиж чадалгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Эдийн засгийн байдал хүндэрч амьдралын түвшин доошилж буй энэ үед иргэдийн зүгээс хүсч буй гол зүйл нь тогтвортой ажлын байр. Тиймээс залуучуудыг ажлын байртай болгох хөтөлбөрийг “Нэг цэрэг-нэг үндэстэн” гэж нэрлэн ажлаа эхлүүлээд байна. Ирэх онд бид урагшаа болон хөндлөн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж байгаа. Энд хамгийн багаар бодоход 10 мянган ажлын байр, цаашилбал 50 мянган ажлын байр бий болно. 2012-2014 онд хийгдсэн зам, барилгын ажилд дор хаяж 10 мянга гаруй гадны ажилчин, тэр дундаа хятадууд орж ирж ажилласан байдаг. Эдгээр ажлын байранд монголчууд бид яагаад өөрсдөө ажилласангүй вэ гэх асуулт гарч ирнэ. Судлаад үзэхээр зам барилгын ажилд манай залуучууд ажиллах дургүй байдаг шиг байгаа юм. Залуучууд Мэргэжил сургалтын үндэсний төвд цалинтай суралцаж төгсөөд ажлын байран дээр гарахгүй байна. Дээрээс нь дээд сургуульд суралцаж буй оюутнууд болон сургуулиа төгссөн залуус хэзээ ч иймэрхүү ажил хийдэггүй.

Угтаа бол ажилгүй залуусын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа биз дээ?

-Хөдөлмөрийн яамнаас гаргасан судалгаагаар 18-28 насны 170 мянган ажилгүй залуус байна гэсэн тооцоо гарсан. Тэднийг хамт амьдарч буй настай хүмүүсийнхээ тэтгэвэр, аав ээжийнхээ нуруун дээр паразитлан амьдарч байна гэж хэлж болно. Нэгэнт нөхцөл байдал ийм байгаа учраас цэргээр дамжуулан төмөр замын бүтээн байгуулалтад залуучуудаа оролцуулах шийдвэр гаргасан юм.

Цэргүүдийг хэзээнээс бэлдэж эхлэх вэ. Төмөр замын бүтээн байгуулалтад оролцуулахаар цэргийн алба хаах хугацаа уртасна биз дээ. Тэгэхээр цэрэгт явах хүний тоо буурах юм биш биз?

-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цэрэг татлагын ажлыг эхлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Цэргийн хугацаат албыг цаашид хоёр жил болгох нь зөв байх. Одоогийн хуулиар гэрээт цэргийн албан хаагчаар ажиллах боломж бас бий. Цэрэгт татсаны дараа эхний гурав, дөрвөн сарын хугацаанд аймаг, нийслэлд байгаа МСҮТ-үүдээрээ дамжуулан цэргийн залуусыг мэргэшүүлнэ. Газар гэсээд бүтээн байгуулалт эхлэх үед буюу дөрөв, тавдугаар сараас талбайд гарч ажиллаж эхлэх юм.

Уг ажилд 24 тэрбум төгрөг төсөвлөнө гэж яриад байгаа. Улсын эдийн засаг таагүй байгаа нөхцөлд дээрх мөнгийг гаргах боломжтой юу?

-2016 оны төсөв хэлэлцэх үед 24 тэрбум төгрөгийг суулгасан. Энэ нь эхний ээлжинд 10 мянган цэргийн хоол, хувцас, байрны зардалд тооцож гаргасан тоо. Харин ажлын байран дээрээ ажиллаж эхлэнгүүт төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгөөс цэргүүдээ цалинжуулаад эхлэх юм. Тэгэхээр цэргүүд хоёр жилийн дараа цэргээс халагдахдаа 20 орчим сая төгрөг дансандаа цуглуулчихсан гэртээ ирнэ гэсэн үг. Мэдээж энэ мөнгөөр залуучууд их, дээд сургуулийн сургалтын төлбөрөө төлөх, байрны урьдчилгаатай болох зэргээр амьдралдаа маш том өөрчлөлтийг хийх боломжтой юм л даа.

Төсөвт 24 тэрбум төгрөг суулгасныг МАНынхан эсэргүүцэж байгаа. Мөн цэргүүдийг төмөр замд ажиллуулна гэдэг албадан хөдөлмөр эрхлүүлж буйн нэг жишээ болно гээд байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-“Нэг цэрэг-нэг үндэстэн” хөтөлбөр бол дотоодын нөөц бололцоогоо ашиглан хурдан хугацаанд эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр. Сөрөг хүчний хувьд АН ийм шинэ санаа гаргаж байгаад яаж дуртай байхав дээ. Ялангуяа Ч.Хүрэлбаатар гишүүн төмөр замын 10 мянган цэргийг муухай харагдуулах гэж маш их хүчин зүтгэл гаргаж байна. Зургаан км зам тавих гэж 24 тэрбум төгрөг батлууллаа гээд л үглээд байгаа. Зургаа биш 1300 км төмөр зам шүү дээ. Эхний ээлжинд урагшаа 270 км, Таван толгойгоос Сайншанд хүртэл 480 км төмөр зам тавина. Энэ ажлыг 2016 оны хавар эхлүүлээд 2017 оны сүүл гэхэд дуусгана гэж төлөвлөж байгаа. Ажилгүй залуучууд аймгийн төв болон сумдад хамгийн их байгаа гэх судалгаа бий. Энэ утгаараа Ч.Хүрэлбаатар гишүүний сонгогдсон Увс аймгийн олон зуун залуу цэрэгт явж эх орныхоо бүтээн байгуулалтад оролцоод мөнгөтэй болж ирээдүйгээ өөрчилнө. Тэгэхээр МАН-ыхан эсэргүүцээд байх биш харин ч биднийг дэмжих хэрэгтэй. Албадан хөдөлмөр хийлгэж байна гэдэг асуудал дээр “Цэргээр албадан хөдөлмөр эрхлүүлж болохгүй” гэх конвенцид цалинтай цэрэг хамрагддаггүй гэдгийг тодотгоод хэлчихье. Ер нь бид цаашид цэргийн алба хаах хугацааг анхаарах хэрэгтэй. Социализмын үеийн нэг сайн зүйл нь цэргийн албыг гурван жил хаадаг байлаа. Бараг эрэгтэй хүн бүр цэрэгт явдаг байсан. Барилгын цэргүүдээр бүх үйлдвэрээ босгуулсан шүү дээ. Тэр үед цэргээс халагдах үедээ “Ява” мотоцикль авдаг нь тогтсон ёс маягтай болчихсон байсан. Би охид сайн дураараа нэг жил цэргийн алба хаах хууль санаачилна гэж бодож байгаа. Цэрэг бол эх оронч үзэл, тэсвэр хатуужил, хүний үг сонсох чадвар зэрэг эцэг, эхчүүд бидний хүүхдэдээ олгож чадахгүй байгаа олон хүмүүжлийг олгодог. Дээд боловсролын системд хувьсгал болно. Учир нь цэргээс халагдах үедээ өөрийнхөө олсон мөнгөөр өөрт хэрэгтэй мэргэжлээр их, дээд сургуульд суралцана шүү дээ.

Саяхан Японы Ерөнхий сайд ирээд явсан. Үүний дараа Японоос манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдЭнэ ондоо багтаж төмөр замын ТЭЗҮийг батлах нь худлаагэж хэлсэн. Тэгэхээр ирэх онд төмөр замын ажил эхлэхгүй юм биш үү?

-Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монголд айлчлах үеэр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж төмөр зам, Таван толгойн асуудлаар ярилцсан. Мэдээж хэрэг Монголд ирээд шууд шийдчихсэн асуудал биш шүү дээ. Олон сарын өмнөөс ярилцаж, төлөвлөсөн асуудал. Энэ ажилд гар бие оролцож байсны хувьд Санамж бичигт хугацаа заагаагүй ч гэсэн ТЭЗҮ-ээ энэ ондоо багтаана гэсэн яриа бий гэдгийг мэдэж байна. Японы компанийн хийчихсэн ТЭЗҮ ч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудал дээр Японы Элчин сайдын мэдээлэл сайнгүй байх шиг байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Тулга: Н.Энхбаяр, Н.Удвал нараас байцаалт авсан зүйл байхгүй

МАХН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулгатай ярилцлаа.

-Өчигдөр цахим мэдээллийн хэрэгслээр таныг МАХН-ын генсек боллоо гэж нэлээн шуугилаа. Дэд сайдынхаа албан тушаалыг өгөөд намынхаа гал тогооны ажилд шаргуухан орохоор иржээ гэж ойлгож болох уу?

-Өчигдөр хэвлэл мэдээлийн хэрэгслээр “Б.Тулга МАХН-ын генсек боллоо” гэж мэдээлсэн нь ташаа мэдээлэл. Өнгөрсөн долоо хоногт намынхан маань хуралдаад Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар томилсон. Энэ долоо хоногийн эхээр ажлаа хүлээж аваад байж байна.

-МАХН-ын дараагийн генсек хэн бэ гэх асуулт өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Ц.Шаравдорж, Н.Удвал, Ж.Сүхбаатар нарын олон хүний нэр сонсогдож байгаа. Энэ асуултын хариуг МАХН хэзээ өгөх вэ?

-Олон хүнийг таамаглаж байгаа. Тэдний аль нь ч намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах боломжтой. Боловсрол, мэдлэг, туршлагатай олон хүн бий. Харамсалтай нь МАХН-ын хувьд яг одоо маш хүнд нөхцөл байдалд байгаа. Манай намыг сонгуулиас өмнө дарж авах гэсэн оролдлого улс төрийн тодорхой бүлэглэлүүдэд байна. Тэрийгээ гүйцэтгүүлэхийн тулд өөрсдөд байгаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж өрсөлдөгчөө намнах аргыг хэрэглэж байгаа. Энэ үүднээс нам, лидерүүд, ерөнхий нарийн бичгийн даргыг ямар нэгэн байдлаар асуудалд унагах, зохион байгуулалттай гэмт хэрэгт түлхэх үйл явц өрнөж байна. Энэ бүх үйл явдлын дунд хэнийгээ ерөнхий нарийн бичгийн даргаар тавих вэ гэдэг манай намын дотооддоо ярилцаж шийдэх асуудал. Гэхдээ Г.Шийлэгдамба дарга ажлаа өгөх тухай өргөдлөө өгсөн хэдий ч намын зүгээс чөлөөлөөгүй байгаа. Учир нь гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байна. Мэдээж хэрэг ирэх жил сонгууль болох гэж байгаа учраас яаралтай шийдэх асуудлын нэг мөн ч гэлээ нөгөө талаараа Г.Шийлэгдамба даргад хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бидэнд уулзах ямар ч бололцоо алга. Хэрэв уулзаж чадвал хоорондоо ярилцаад яахыгаа шийдэх боломжтой болно. Энэ бүх асуудлын дараа МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэн байх вэ гэдэг асуудлыг ярилцана.

-Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай хоригдсоноос нь хойш уулзаагүй гэсэн үг үү?

-Өмгөөлөгч нь л орж уулзаж байгаа. Гэр бүлийнхэн нь ч уулзаж чадахгүй байна. Бид намынхаа зүгээс уулзах хүсэлт байнга тавьж байгаа хэдий ч өнөөг хэр уулзах зөвшөөрөл өгөхгүй байгаа. Өмгөөлөгчөөрөө дамжуулж намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаа өгье гэдгээ илэрхийлсэн. Үнэн мөн нь тогтоогдоод гарч иртэл бас тодорхой цаг хугацаа зарцуулагдах учраас намынхаа ажлыг унагахгүйн тулд ажлаа өгье гэж хэлсэн байсан.

-Баригдсан даруйд нь намаа санхүүжүүлэхийн тулд хэрэгт холбогдчихлоо гэх мэдээлэл тарсан. Намын генсек, яамны сайд хүний хувьд сонгуулиас өмнө санхүүжилт олж ирэх даалгавраа гүйцэтгэж байгаад баригдлаа гэж ярих хүмүүс байна?

-Тэр бол бидний гаргасан мэдээлэл биш. Дээр хэлсэн шүү дээ. Манай намыг 2016 оны сонгуульд оролцуулахгүйн тулд янз бүрийн улс төрийн бүлэглэлүүд ажиллаж байна гэж. Үүнийгээ яаж хэрэгжүүлж байна вэ гэхээр намын дарга, лидерүүд рүү дайрч нэлээн үзлээ. Нам руу дайрахдаа голыг нь таслахын тулд санхүүжүүлдэг, мөнгө өгч байгааг нь айлгах тактик байдаг юм шиг байна. Энэ төлөвлөгөөний дагуу санхүүжилттэй холбоотой гэх мэдээлэл гаргалаа. Зориудаар ийм мэдээлэл цацаж байгаа нь батлагдаж байна шүү дээ. Ямар ч хүнийг эхлээд сэжигтнээр тооцож байгаад шүүхийн тогтоол гаргадаг. Тогтоол үзэхээр яллагдагч Г.Шийлэгдамба гээд биччихсэн байдаг юм. Нэг ёсондоо сэжигтэн ч биш аль хэдийнэ яллагдагч болгоод шүүхээс тогтоол гаргасан байх жишээтэй. Түүнчлэн МАХН-ын санхүү, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд АТГ оролцож эхэлсэн. Манай намын ажилтнуудаас “Танай нам хэнээс, яаж санхүүждэг вэ. Хөдөө орон нутгаар явахдаа шатахуун түлш яаж хийдэг вэ” гэхчилэн асууж байцааж байна. Улс төрийн нам орон нутгаар явж ард түмэнтэйгээ уулзалт хийх нь үүрэг биз дээ. Гэтэл энэ бүхнийг ямар нэг байдлаар мушгиж зохиомол хэрэгтэйгээ хутгах үйл явц ид явагдаж байгаа. Тэр утгаараа намын санхүүжилтийн асуудлыг Г.Шийлэгдамбад нааж байх шиг байна. Нийгэмд нэг мессэж яваад байна лээ. Н.Энхбаяр дарга нь үүрэг өгснийг Г.Шийлэгдамба биелүүлэх гэж байгаад баригдсан гэж. Уг зохиолоо бүтэн болгож Н.Энхбаяр даргыг хэрэгт холбогдуулах гэсэн арга гэдэг нь тодорхой харагдаж байна.

-Та намыг, лидерүүдийг зориуд ингэж байна гэж дээр хэллээ. Н.Энхбаяр даргаас өөр хэнтэй холбоотой асуудал үүсч байсан юм бэ?

-Та бүхэн анзаарч байгаа бол 2011 онд намын нэр авснаас хойш Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлсэн, МАХН-ын сонгуульд тодорхой амжилт үзүүлсэн зэрэг бүх л процессын турш манай намын ерөнхий бичгийн даргыг барьж хорино гэх яриа гарч байнга дарамталж ирлээ. Н.Удвал даргыг байх үед өнөө орой баривчлах гэнэ ээ гэх яриа гаргаж л байдаг. Юунд, яах гэж баривчлах гээд байгаа нь мэдэгддэггүй. Намыг л дарж унагаах гэсэн бодлого байсан, байсаар ч байна. Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлсэн шигээ манай намын генсекийг хорилоо. Хэрвээ шударга ёс тогтчихсон байсан бол аль хэдийнэ асуудлыг шийдчих байсан биз. Бид нар айдастай байгаа. Гэхдээ айдастай байлаа гээд бид хойшоо сууна гэж байхгүй. Ухрах зам байхгүй. Ер нь АТГ чинь хууль, шүүхийн байгууллага юм уу, улс төрийн нам болчихсон юм уу. Улс төрийн пиар хийгээд л явж байна. АТГ гэдэг нам бий болжээ гэж хэлсэн байна лээ. Тэд 2016 оны сонгуульд бид ялна, хэн нэр дэвшихийг шийднэ гэж яриад сууж байна гэж цөөнгүй хүмүүс ярьж байна. Бид ч тэгж байна гэж дүгнэсэн. Үүнийг нэлээн ортой дүгнэлт гэж бодож байгаа.

-Танай намын дарга Н.Энхбаяр болон Н.Удвал нараас байцаалт авсан юм уу?

-Одоогийн байдлаар тэднээс мэдүүлэг авсан зүйл байхгүй. Би түрүүн хэлсэн шүү дээ. Байцаалт авах гэж байна, авчихлаа гэж л хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд байгаагаас авсан зүйл байхгүй. Ер нь олон нийтийг нэг дасгаж, урьдчилан бичигдсэн зохиолынхоо дагуу явдаг жишиг тогтчихлоо шүү дээ.

-“Шударга ёс” эвсэл 2012 оны сонгуульд УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудалтай болсон. Гэвч сүүлийн үед эвслийн хоёр намаас МАХН-ыг онцолж улс төр хийгээд байгаа нь ямар учиртай вэ. Мөн МҮАН-ын дарга М.Энхсайхан “МАХН дотроо болж бүтэхээ байлаа” гэсэн санаа илэрхийлж, эвсэл дотроо эв түнжин муутай байгаа гэж ойлгогдож эхэлсэн. О.Баасанхүү гишүүн гэхэд л ирэх сонгуульд бие даан нэр дэвшсэн ч болно гэж яриад байгаа?

-Засгийн газрыг тогтвортой байлгах үүднээс олонхийг бүрдүүлсэн намтай хамтарч чадах чинээгээрээ хичээн ажилласан. Хамтарсан дотроо бид нар цөөнх болчихоод байдаг. Бид нар гарчихаар засгаа байгуулж чадахгүй байдалд хүрдэг. 2012 оны зорилт бол МАНАН-г дахин үүсгэхгүй явдал байлаа. Бид нар Засгийн газрыг аль болох тогтвортой байлгах тал дээр байр сууриа илэрхийлж ажилласан. Энэ нь эргээд нийгэмд, жирийн бизнес эрхэлж байгаа хүмүүст хэрэгтэй. “Шударга ёс” эвслийн дотоод асуудал дээр гэвэл О.Баасанхүү гишүүн өөрөө хэлсэн байна лээ. Гэр бүл дотроо муудалцаад маргааш нь салаад явчихдаггүй гэж. Тодорхой асуудал дээр санал зөрж муудалцах зүйл гарна.

-Үндсэн хуулийн өөрчлөлт болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа. Танай намын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-1992 оноос хойш мажоритар, пропорциональ тогтолцооны бараг бүх хувилбараар саналаа өгч үзлээ. Манайд одоо нэг л зүйл дутагдаад байна. Тэр нь тогтвортой байдал. Сонгуулийнхаа тогтолцоог өөрчлөхөөр нийгмийн тогтворгүй байдал үүсчихдэг. Сонгууль болгоны өмнө сонгуулийн хуулийг өөрчилнө гэдэг хамгийн буруу жишиг. Хэдийгээр манай намын төлөөлөл Сонгуулийн тухай хуулийн саналыг өргөн барьсан ч гэлээ тогтвортой байдал хамгийн чухал. Одоогийн хуульд нэг ноцтой зүйл ажиглагддаг. Тэр нь Үндсэн хуулиар хувь хүн сонгоно гээд заачихсан байхад намын жагсаалтаар сонгоод байгаа асуудал. Үүнийг засаж болох юм. МАХН 38 нь намын жагсаалт, 38 нь тойргоос сонгогдох хувилбарыг оруулж ирж байгаа. Гэхдээ нам дотроо эрэмбэлээд жагсаалтаа оруулчихъя. Иргэд намыг сонгохдоо жагсаалт дотроос хувь хүнийг нь сонгочихно. Тойргоос, бас жагсаалтаас хүнээ сонгоно гэсэн үг. Тэгэхээр иргэдийн өгсөн саналаар намын эрэмбэ шинээр гарч ирнэ. Ингэхээр Үндсэн хууль зөрчиж байгаа хувь хүнийг сонгохгүй байна гэх асуудал байхгүй болчихож байгаа юм. Үндсэн хуулийн тухайд өөрчлөлтийг энэ парламент хийх хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу.

-Яагаад?

-Үндсэн хуулийн хямрал болох юм бол тухайн улс гүрэнд дайн дажин гардаг. Бидний жишээ авах дуртай америкчууд л гэхэд Үндсэн хуульдаа гар хүрэлгүй хоёр, гурван зуун жил яваад байдаг. Асуудлын учир Үндсэн хуульдаа ч байдаггүй. Хуулийг дагаж мөрдөж байгаа субьектууд өөрсдөө дагаж мөрдөхгүйгээс болж гарсан хариуцлагагүй байдлаа нуухын тулд Үндсэн хууль руу орж байна. Дөрвөн жил улсаа удирдахдаа эдийн засгаа унагаж, хөрөнгө оруулалтаа дайжуулчихлаа. Шударга бус байдлыг бий болгочихлоо. Үүндээ хариуцлага хүлээхгүйн тулд Үндсэн хууль болохгүй байсан байхгүй юу гэх мессэж оруулж ирж байна. Оруулж ирж байгаа өөрчлөлтүүдийг нь харахаар бас л өөрсдийнхөө эрх мэдлийг баталгаажуулсан зүйл заалт оруулаад байдаг. Засгийн газрын яамдын тоо ес байна л гэнэ. УИХ Засгийн газраа байгуулаад 90 яамтай байсан ч болно. Үнэхээр тэд ажиллаж чадаад улс эх орноо хөгжүүлж байвал хэдэн яамтай ч байж болно шүү дээ. Яагаад ч ес гэсэн тоо гаргаад байгаа юм. Үнэхээр өөрчилье гэвэл ийм богино хугацаанд асуудлыг шийдэж болохгүй л дээ. Жирийн малчин айл, гэр хороололд амьдарч байгаа хүмүүс ямар өөрчлөлт орох гээд байгааг мэдэхгүй байгаа. Ямар ч мэдээлэлгүй байгаа хүмүүс юу гэж саналаа өгөх юм бэ.

-Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөд сониноор сурталчилгаа явуулахыг хориглосон. Та эрх баригч намын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн даргын хувьд үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-Сонгогчдын сонгох эрхэд шууд халдаж байгаа гэсэн үг. Дөрвөн жилийн турш зурагтаар гарсан хүмүүс зөвхөн өөрсдийгөө сонгуулах ажил хийж байна. Сонгох, сонгогдох эрхийн аль, аль нь зөрчигдөх гээд байгаа. Өнөөдрийн улс төрийн байдлыг өөрчилье, цоо шинэ нийгэм байгуулъя гэсэн залуусын хүнд танигдах боломжийг хааж байна. Танихгүй хүнийг хэзээ ч сонгохгүй шүү дээ. Олонд танигдах боломжийг уг хуулиар хаах гэж оролдож байна. Өөрсдийнхөө барьж буй засаглал, одоо сууж буй суудлыг хадгалж үлдэх сонирхол хуулийн ард байна. Нөгөөтэйгүүр, бүх мэдээлэл хүссэн хүндээ ганцхан минутын дотор хүрч байхад сонгуулиар сонин дээр сурталчилгаа явуулахгүй байна гэдэг бол ардчиллыг сонгосон 25 жилийнхээ ололт амжилтаас зуун хувь ухарч байгаа хэрэг. Дайн болж байгаа улс оронд сонин гаргахыг хорьдог шүү дээ. Мөн коммунист улсад үзэл суртлын хэлтсээр ороогүй бол сонин гаргахыг хорьдог. Ардчилсан улсад хэн нь юу дуртайгаа хэвлэн нийтлэх эрхтэй. Бид 25 жилийн өмнө ийм нийгэмтэй болох гэж сонголтоо хийсэн. Сонгогчид, өрсөлдөх гэж буй хүмүүс, дээр нь сонин хэвлэлүүд ардчиллыг хамгаалахын төлөө тэмцэх хэрэгтэй. Ардчиллыг устгаж байгаа хүн хэн бэ гэвэл эргээд ардчилсан намынхан өөрсдөө болчихоод байна. МАХН хэвлэлийн эрх чөлөөг боогдуулж байгаа үйл ажиллагааг таслан зогсоохын төлөө зүтгэнэ.

-Сар хүрэхгүйн өмнө МАН болон МАХН-ын ахмадууд хоёр нам нэгдэж ирэх сонгуульд оролцох хэрэгтэй гэж өргөх бичиг барьсан. Гэвч түүнээс хойш олон таагүй үйл явдал боллоо…

-Аливаа зүйлийн цаг хугацаа давхцана, давхцана гэхэд ийм байж болохооргүй мэт. Гэвч хоёр намын ахмадууд өргөх бичиг барьсан цаг үетэй давхцан Г.Шийлэгдамба даргыг баривчилсан нь хардах сэтгэл эрхгүй төрүүлж байгаа. МАН-ын ахмадууд бидэнтэй ирж уулзсан. Бид гүйцэтгэх товчоогоороо ахмадуудынхаа саналыг нээлттэй авч хэлэлцсэн юм. МАХН-ын дарга “Бидэнд сонгуульд оролцох дөрвөн хувилбар байна” гэдгийг хэлсэн. Нэгдүгээрт, МАХН дангаараа орж болно. Хоёрдугаарт, бусад буюу МАН, АН-аас өөр улс төрийн хүчинтэй нэгдэж эвсэл болж оръё. Гуравдугаарт, АН-тай хамтарсан Засгийн газар байгуулж явсан утгаараа хамтаръя. Дөрөвдүгээрт, МАН-тай хамтрах. МАХН-ыг удирдаж байсан ахмад өргөх бичиг барилаа шүү дээ. Тэд юу гэсэн бэ гэхээр ирэх оны сонгуульд МАН-тайгаа хамтарч оролцсон нь зөв шүү гэж зөвлөсөн. Ахмадуудынхаа хүсэлтэд бидний зүгээс нээлттэй хандаж байна гэдгээ хэлсэн. Гэхдээ үүнийг МАН-ын удирдлага хүсэж байна уу, үгүй юу гэдэг том асуудал. Тэгэхээр МАН-ын удирдлагаас хамтрах эсэхийг асуугаач гэх хүсэлтийг бидний зүгээс хариу тавьсан даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ганхуяг: Дэлхийн бүх улсыг хамарсан хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын хүний эрхийн байдалд өндөр үнэлгээ өгсөн

Манай улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орон болсон. Гишүүн орон болохын давуу тал, ач холбогдлын талаар Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягтай ярилцлаа.

-Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орноор сонгогдсон. Ингэж сонгогдохын гол ач холбогдол юу вэ. Гишүүн болсноор бидэнд ямар боломж нээгдэж байгаа вэ. Мөн гарч ирэх давуу талын талаар ярихгүй юу?

-Гадаад бодлогын үзэл баримтлалын 10 дугаар зүйлд “… олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахад оршино”, мөн 13 дугаар зүйлд “Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутаг болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг чармайна. Тухайлбал, ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцох” гэж заасан байдгийг та бүхэн мэднэ. Уг зорилтыг ханган хэрэгжүүлэх үүднээс Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр ажиллах асуудлыг бид 2011 оноос эхлэн эрчимтэй, нухацтай судалж ирсэн. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгууль нь олон улсын улс төрийн ач холбогдол, үйл ажиллагааны цар хүрээгээрээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн сонгуулийн дараа орох маш өрсөлдөөнтэй сонгуулийн нэг. Тиймээс ч уг сонгуульд нэрээ дэвшүүлэх эсэх, нэрээ дэвшүүлэх нөхцөлд ямар цаг хугацааг сонгох, ямар хугацаанд бид бэлтгэлээ хангаж чадах, боловсон хүчнээ бэлтгэх зэрэг олон хүчин зүйлийг сайтар тооцоолж, тун няхуур хандах шаардлагатай байдаг. Энэ бүх судалгаа, тооцоо, бэлтгэх хангах ажлаа тооцож үзсэний үндсэн дээр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгуульд нэрээ дэвшүүлэхээр 2011 оны сүүлчээр шийдвэрлүүлсэн юм. НҮБ-ын гишүүн орнуудын санал, дэмжлэгийг авч байж буюу өрсөлдөөнт сонгууль явуулсны дүнд тухайн нэг байгууллагын гишүүнээр ажиллах эрхтэй болдог энэ нөхцөл нь түүний улс төрийн ач холбогдлыг нэн тэргүүнд илэрхийлж байдаг.

Нөгөөтэйгүүр, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нь дэлхий дахинаа хүний эрхийг дээдлэх, хамгаалах, хүний эрхийг хангах асуудлыг хэлэлцэж, энэ зорилтоо хэрэгжүүлэхэд чиглэсэн шийдвэр гаргадаг НҮБ-ын үндсэн байгууллагын нэг юм. Тухайлбал, Хүний эрхийн зөвлөл нь НҮБ-ын гишүүн улс бүрийн хүний эрхийн нөхцөл байдлыг хянан хэлэлцэж, үнэлгээ, дүгнэлт өгөхийн зэрэгцээ, цаашид зорилт болгон ажиллах, анхаарах асуудлаар нь зөвлөмж өгдөг. Энэ нь Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр нь ажиллаж буй улсын хувьд өндөр хариуцлага хийгээд хууль эрх зүй, хүний эрхийг хангах чиглэлээр туршлага, мэргэжлийн ур чадвар шаардсан томоохон үүрэг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. НҮБ-ын гишүүн 172 улс манай улсыг дэмжиж, Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгосон нь нэг талаас, өнгөрсөн хугацаанд НҮБ, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд оруулж ирсэн Монгол Улсын хувь нэмрийг сайшаан үнэлж, цаашид ч бодит хувь нэмрээ оруулах нь дамжиггүй гэдгийг хүлээн зөвшөөрч, итгэл хүлээлгэж буй хэрэг. Нөгөө талаас, хүний эрхийг дээдлэх, хамгаалах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгээс тавьж буй зорилтыг хэрэгжүүлэх талаар Монгол Улс тодорхой үр дүнтэй амжилт олж, туршлага хуримтлуулжээ гэдгийг мөн нотолж, дотооддоо төдийгүй бусад улс оронд үлгэр дурайл болох, туршлагаас нь суралцах нь зүйтэй гэж үзэж буйн илэрхийлэл мөн.

Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болсноор бидэнд ямар давуу тал, ямар боломж бүрдэх вэ гэдэг талаар дараахь зүйлийг хэлэх нь зүйтэй болов уу. Нэгдүгээрт, дээр дурдсанчлан олон улсын үйл хэрэгт гар бие оролцож, бодит хувь нэмрээ оруулах бүрэн боломж бидэнд бүрдэнэ. Энэ нь олон улсын тавцанд том, жижиг улс эрх тэгш эрхтэйгээр байр суурь, саналаа илэрхийлэх зарчмын хүрээнд бидэнд олгогдож буй бүрэн эрхээ эдлэх боломж юм. Нөгөө талаас, Хүний эрхийн зөвлөл нь 47 улсын төлөөллөөс бүрддэг тул үлдэж буй 146 улсыг төлөөлж, шийдвэр гаргахад оролцох давуу тал гэж мөн ойлгож болно. Хоёрдугаарт, хүний эрхийг хамгаалах чиглэлээр төдийгүй олон улсын хууль эрх зүй, сайн засаглал, хүмүүнлэгийн гээд олон салбар, чиглэлээр бусад улстай хоёр талын болон олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, яриа хэлэлцээгээ эрчимжүүлэх, харилцан туршлага солилцох зэргээр манай улсын үйл ажиллагааны цар хүрээ улам бүр тэлэх боломжийг бидэнд олгох юм.

-Гишүүн болохын тулд ямар шаардлага хангасан байх ёстой байдаг вэ?

-НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл байгуулах асуудлыг 2005 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 60 дугаар чуулганаар хэлэлцэж, 60/251 тогтоол баталсан. Уг тогтоолд Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр ажиллах улсад тавигдах шаардлагыг тодорхой заасан байдаг. Тухайлбал, тогтоолын наймдугаар зүйлд “… Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр ажиллахаар нэр дэвшигч улсын хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалахад оруулж буй хувь нэмэр, мөн энэ чиглэлээр сайн дураар хүлээсэн үүрэг амлалтыг нь харгалзаж сонгох …” гэж заасан. Иймд НҮБ-ын гишүүн улс орнууд нэр дэвшигч улсыг дэмжих эсэх талаар байр сууриа тодорхойлохдоо нэн тэргүүнд дээр дурдсан шаардлагыг тухайн нэр дэвшигч улс хангаж буй эсэхийг чухалчилж үзнэ.

-Яг ямар улс гишүүн болдог юм бэ. Хүссэн улс бүр гишүүнээр сонгогдох боломжтой юу?

-НҮБ-ын гишүүн улс бүр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй. Харин нэн тэргүүнд дээр дурдсанчлан нэр дэвшигч улсад тавигдах шаардлагыг хангах аваас сонгогдох магадлал нь нэмэгдэнэ. Хүний эрхийн зөвлөл нь 47 улсын гишүүнчлэлээс бүрдэх бөгөөд бүс нутгийн зургаан бүлэгт ноогдох суудлын тоо хязгаартай. Тухайлбал, манай улс харьяалагддаг Ази, Номхон далайн орнуудын бүлэгт нийтдээ 13 суудал ноогддог. Энэ жилийн сонгуулийн хувьд Ази, Номхон далайн бүлгийн таван суудал суларч түүнд долоон улс өрсөлдсөн.

-НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн улс болно гэдэг тухайн улс хүний эрхийг үнэлэх үнэлэмж гэж ойлгож болох уу. Нэг ёсондоо манай улсын хүний эрх дээгүүрт үнэлэгдэж байна уу?

-Тийм. Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр ажиллах улсад тавигдах тодорхой шаардлага байдаг тухай өмнө нь дурдсан. Манай улсыг Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгож байгаа нь Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал, хүний эрхийг дээдлэх, хамгаалах чиглэлээр олсон амжилт, олон улсын түвшинд олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг амлалтаа хэрхэн биелүүлж ирсэн, цаашид тавьж буй зорилт зэргийг сайшаан үнэлж буй томоохон үнэлгээ яах аргагүй мөн. Энэ үнэлгээ нь манай улсыг дэмжсэн 172 улсын саналын тоог тодоор илтгэж буй юм.

Сонгуульд манай улстай Арабын Нэгдсэн Эмират, Бүгд Найрамдах Солонгос, Пакистан, Филиппин, Киргиз, Лаос зэрэг улс өрсөлдсөн. Эдгээр улсын дийлэнх нь НҮБ, олон улсын бусад байгууллагын сонгуульд тогтмол амжилттай оролцож, өмнө нь сонгуульд бараг ялагдаж байгаагүй улс төр, эдийн засгийн хувьд жин нөлөөтэй орнууд юм. Монгол Улс ХЭЗ-ийн сонгуульд яагаад хамгийн олон санал авсан бэ гэх асуулт гарч байна. Хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, таны хэлснээр НҮБ-ын ХЭЗ-ийн гишүүн улс болно гэдэг тухай улсын хүний эрхийг хангаж буй байдлыг үнэлэх үнэлэмж гэж ойлгож болно. Дэлхийн бүх улсыг хамарсан хэлэлцүүлгийн механизмын хүрээнд Монгол Улсын хүний эрхийн байдлыг Хүний эрхийн зөвлөл хоёр удаа хэлэлцэж, өндөр үнэлгээ өгсөн. Энэ нь маш чухал үзүүлэлт.

Манай улс ардчилал, хүний эрхийг дээдлэн, дэмжих чиглэлээр дотооддоо төдийгүй олон улсын тувшинд идэвхтэй ажилладаг нь манай нэр хүнд өндөр байх бас нэг үндэс, суурь юм. Энэ чиглэлээр чамгүй хичээл зүтгэлтэй ажилласан.

-Хүний эрхийн зөвлөлийн гишүүн улс болохын тулд олон жилийн хүчин зүтгэл нөлөөлдөг байх. Яаж сонгогдсон бэ?

-Тухайн улсын олон улсын тавцан дахь нэр хүнд, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд оруулж буй хувь нэмэр нэн чухал үзүүлэлт гэдгийг дахин хэлэх нь зүйтэй болов уу. Түүнээс гадна сонгуульд амжилттай оролцох нь бэлтгэлээ хэрхэн хангахаас шууд хамааралтай талаар мөн дурдсан. Тиймээс олон улсын томоохон сонгуульд амжилт гаргаж оролцоно гэдэг нь манай улсын гадаад бодлого, дипломатуудын олон жилийн уйгагүй хичээл зүтгэлийн үр дүн яах аргагүй мөн. Энэ талаар маш олон зүйлийг дурдаж болно. Гэхдээ Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд нэрээ дэвшүүлж эхэлснээс хойш хэрхэн ажилласан талаар товч дурдъя гэж бодож байна.

Сонгууль явуулах дүрмийн хувьд НҮБ-ын ХЭЗ-ийн гишүүнээр сонгогдохын тулд НҮБ-ын нийт гишүүн 193 улсын ердийн олонхи буюу 98 улсын дэмжлэгийг авах шаардлага нэн тэргүүнд тавигддаг. Гэхдээ энэ нь хангалттай биш. Өнгөрсөн 2014 оны сонгуульд Тайланд улс 136 орны дэмжлэг саналыг авсан хэдий ч сонгуульд ялагдаж байсан гашуун туршлага бий. Энэ жилийн сонгуульд манайхтай өрсөлдсөн Лаос, Пакистан тус бүр105 улсын санал авсан хэдий ч сонгогдож чадаагүй гэх зэрэг жишээ дурдаж болно. Иймд 140 дээш улсын дэмжлэгийг авах зорилт бидний өмнө тавигдаж байсан гэсэн үг. Үүний тулд НҮБ-ын гишүүн улс бүртэй ажиллахстратеги боловсруулж, 2012 оноос эхлэн Гадаад хэргийн яам системээрээ ажиллаж эхэлсэн.

Бусад улсын дэмжлэгийг нь авах, дэмжлэг хүсэх гэдэг нь дипломат өндөр ур чадвар шаардсан чамбай ажил гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Тухайлбал, тухайн нэг улсын хүний эрхийн асуудлаар баримталж буй байр суурийг сайтар судалж, түүний үндсэн дээр яриа хэлэлцээ өрнүүлэх, ямар асуудлыг онцолж ярихаа тодорхойлох нь чухал байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн улсаас баримталдаг байр суурийн эсрэг зүйл яриад сууж болохгүй л гэсэн санаа. Харин тухайн улсын гадаад бодлого, үйл ажиллагааг нарийвчлан судлах, түүний үндсэн дээр хамтран ажиллах боломжтой салбар, асуудлыг эрэлхийлэх,аливаа асуудлыг шийдвэрлүүлэхэд бидний зүгээс оруулж болох хувь нэмэр юу байж талаар ярилцах гэх зэргээр 192 улс бүртэй нэг бүрчлэн хэлэлцэж тохиролцоно гэдэг нь цаг хугацаа, ихээхэн хүч чармайлт шаардсан ажил байдаг даа.

-Гишүүн орон хэдэн жилийн хугацаатай ажиллах вэ?

-ХЭЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа гурван жил байдаг. Манай улс Зөвлөлийн гишүүнээр 2016-2018 онд ажиллана.

-Хүний эрхийн зөвлөлийн гишүүн улс гэдэг утгаараа олон улсын асуудлыг хэлэлцэхэд оролцож байр сууриа илэрхийлэх үү?

-Асуудал бүрээр манай улс байр суурь, саналаа илэрхийлэх, хувь нэмрээ оруулах шаардлагатай болно. Хүний эрхийн зөвлөл нь хүний эрхийн асуудлаарх засгийн газар хоорондын хамтын ажиллагаа, яриа хэлцээний гол форум бөгөөд хүний эрхийг хамгаалах гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх зэргээр гишүүн орнуудад дэмжлэг үзүүлэх, туслах чиг үүрэгтэй. Түүнчлэн НҮБ-ын 192 гишүүн орон дахь хүний эрхийн байдлыг хянан үзэж, үнэлгээ өгөх, хүний эрхийн өргөн хүрээтэй асуудлаар экспертиз зөвлөгөө өгөх, мөн хүний эрхийг зөрчиж буй үйлдлийг олон улсын хамтын нийгэмлэгийн анхааралд хүргэж, түүнийг шийдвэрлэх арга хэмжээ авах зэрэг чухал үүрэгтэй. Зөвлөлийн хуралдаанаар жил бүр 20 үндсэн багц асуудлыг хэлэлцдэг.

Мөн Зөвлөлийн хуралдаанаас жил бүр гаргаж буй тогтоол шийдвэрийг авч үзвэл жилдээ дунджаар 150 гаруй тогтоол, шийдвэрийг гаргаж байгаагийн 40 орчмыг нь санал хураалтаар баталдаг. Иймд Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй улс Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудал бүрээр байр суурь, саналаа илэрхийлж оролцоно гэсэн үг юм. Энэ нь олон улсын улс төр, дипломатын ур чадвар төдийгүй, олон улсын хууль, эрх зүйн өндөр мэдлэг, туршлага биднээс шаардагдах болно гэсэн үг.

-Хэрэв манай улс хүний эрхийг маш ихээр зөрчөөд байвал гишүүн байхаа болих уу?

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 60 дугаар чуулганаас баталсан тогтоол, шийдвэрийн дагуу хэрэв Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй улс хүний эрхийг системтэй, ноцтой зөрчих нөхцөлд Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлийг НҮБ-ын гишүүн улсын гуравны хоёрын саналаар түдгэлзүүлдэг. Өмнө нь 2011 онд Сири улс Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байх үед түүний гишүүнчлэлийг нь түдгэлзүүлэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас гаргаж байсан.

-НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Монгол Улсыг төлөөлж хүн суух уу?

-Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон улсын хувьд Засгийн газраа төлөөлж ажиллах төлөөлөгчдийг томилон ажиллуулна. Хүний эрхийн зөвлөл үйл ажиллагаагаа Женев хотноо явуулдаг. Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч гэж бий. Түүнээс гадна Хүний эрхийн зөвлөлийн үйл ажиллагаанд гишүүн улсын хувьд идэвхтэй оролцох үүднээс ямар бүтэцтэйгээр ажиллах чиглэлээр судалгаа хийж байна. Бидэнд өмнө боловсруулсан санал байгаа. Үүнийгээ тодотгож, асуудлыг энэ ондоо багтааж Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Су.Батболд: Зөвшилцөл амжилттай болбол Сонгуулийн тухай хуулийг арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө батлах боломжтой

УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны
дарга Су.Батболдтой ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт
Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн
барьсан. Уг хуулийн төслийн талаар танилцуулахгүй юу?

-Өнгөрсөн наймдугаар сард
МАН-ын дарга М.Энхболд санаачлан Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудтай
зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан юм. Бүх намын төлөөлөлтэй зөвлөлдсөн тав дахь
уулзалт байлаа. Уг уулзалтаар Сонгуулийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар
ярилцсан. Парламентад суудалтай болон суудалгүй намууд Сонгуулийн тухай хуулийн
шинэчлэлийн хүрээнд ямар асуудлыг зайлшгүй шийдвэрлэх ёстой вэ гэдгийг
хэлэлцсэн юм. Улмаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулан тэндээс гарсан
тодорхой саналуудыг УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн. Уг саналыг үндэслэн МАН-ын
болон ИЗНН, “Шударга ёс” эвслийн нэр бүхий гишүүд хуулийн төслийг өргөн
барилаа. УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан
Сонгуулийн тухай хууль боловсруулах ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэгт хоёр
жил шахуу ажиллахдаа Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой
олон асуудлыг хуульд тусгасан. Гэхдээ зарчмын хэдэн асуудлаар би санал
нийлээгүй. Санал нийлээгүй асуудлууд дээр хууль санаачилж өргөн барих маягаар
явна гэдгээ ажлын хэсэгт мэдэгдэж байсан.

-Таны өргөн барьж буй хуулийн
төсөлд ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?

-Үндсэндээ найман асуудлыг
өргөн барьсан. Нэгдүгээрт, сонгуулийн автоматжуулсан системийг халж гараар
тоолъё гэж байгаа. Хэсэгт санал тоолох ажиллагааг 22 цагт эхлүүлж санал тоолох
төхөөрөмжөөс гарсан саналын дүнг дахин гараар тоолж баталгаажуулах саналтай
байгаа юм. Ингэхдээ дэлгэц, видео камер ашиглан ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын
төлөөлөгчийг байлцуулан ил тод, нээлттэй тоолно. Иргэд, сонгогчид
автоматжуулсан тооллогын системд төдийлөн итгэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр
ингэж өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаарт, Сонгуулийн тойрог хэсгийн бүрэлдэхүүнд
сонгуульд оролцож буй нам, эвслийн төлөөлөгчдийг оролцуулах хэрэгтэй гэж үзсэн.
Учир нь одоогийн төрийн албан хаагчдын бүрэлдэхүүнийг нэг намын төлөөлөл
бүрдүүлж байгаа. Тиймээс тойрог, хэсгийн бүрэлдэхүүнд сонгуульд оролцож байгаа
нам, эвслийн төлөөллийг оролцуулах хэрэгтэй. Дараагийн бас нэг өөрчлөлт нь нам,
эвсэл УИХ-ын сонгуульд 48-аас илүүгүй хүнийг тойрогт нэр дэвшүүлэх юм. Өөрөөр
хэлбэл, нэг тойрог нэг мандат гэх зарчмаар явна гэсэн үг. Үлдсэн 28 нь нам,
эвслийн жагсаалтаар нэр дэвших юм.

-Гадаадад байгаа иргэдийг
сонгуульд хэрхэн оролцуулах талаар өөрчлөлт хийсэн гэсэн. Хилийн чанадад байгаа
монголчууд саналаа цахимаар өгөх үү?

-Гадаадад байгаа иргэдийн
саналыг цахимаар авах өөрчлөлт орууллаа. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар
гадаадад ажиллаж амьдарч байгаа хүмүүс анх удаа санал өгөх болсон. Ингэхдээ
тухайн улсынхаа дипломат төлөөлөгчийн газарт өөрийн биеэр очиж саналаа өгч
байсан. Сонгуульд ингэж оролцох нь хилийн чанадад амьдарч буй монголчуудад
хүндрэлтэй. Хэрэв цахим хуудсаар дамжуулан саналаа өгвөл идэвх сайжрахаас гадна
иргэдэд хялбар байх болно. Мөн Сонгуулийн тухай хууль, тогтоомжийг зөрчсөн
этгээдэд тооцох хуулийн хариуцлагыг өндөржүүлье гэж байгаа. Тухайлбал, төрийн
албан хаагч Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн нь тогтоогдвол тухайн
хүнийг төрийн албанд ажиллах эрхгүйгээр ажлаас нь хална гэж хуулийн төсөлд
тусгасан. Улс төрийн намын төлөөллөөс сонгуулийн зохион байгуулалтад оролцож
байгаа хүн хууль зөрчвөл хөдөлмөрийн хөлсний хэмжээг 50 дахин нугалсантай
тэнцэх мөнгөн торгууль оногдуулна гэж оруулсан.

-Маргаан шийдвэрлэх асуудлаар
ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?

-2012 оны сонгуулийн дараа хэд,
хэдэн маргаан гарсан шүү дээ. Тухайлбал, Өвөрхангайн тойрогт гарсан маргааныг
Хан-Уул дүүргийн шүүхэд шийдэж байх жишээтэй. Үүнийг болих ёстой. Тухайн нутаг
дэвсгэр дээр үүссэн маргааныг харьяа шүүх нь шийдэж байхаар өөрчлөлт оруулж
байгаа. Мөн маргаан шийдвэрлэх хугацааг богиносгох нь зүйтэй гэх өөрчлөлт
оруулж байна. Тойргийн хорооны шийдвэр хууль зөрчсөн эсэх маргааныг эрх, эрх
чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийн гомдол, нэхэмжлэлийг
санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн нутаг дэвсгэрийн харьяалах
захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэнэ гэж заасан. Хяналтын журмаар
гаргасан гомдлыг захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүх 21
хоногийн дотор хянан шийдвэрлэнэ гэж хуулийн төсөлд тусгалаа.

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх
үү?

-Сонгуулийн хууль тогтоомжийн
тухайд одоогийн тогтолцоог хэвээр хадгалах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
Тогтолцоог байсхийгээд өөрчилнө гэдэг тийм сайн зүйл биш. Учир нь сонгуульд улс
төрийн намууд оролцохоос гадна санал өгч байгаа иргэдийн эрхийн тухай
асуудалтай холбогддог. Дөрвөн жил болоод л сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөн
иргэд, сонгогчдод ойлгомжтой биш байх нь сайн хэрэг биш. Ядаж нэг тогтолцоогоор
гурваас дөрвөн удаагийн сонгууль явуулж байж иргэд дасдаг.

-Өргөн барьж буй хуулийн төсөлд
цаг хугацаанаас хамааралтай зайлшгүй оруулах өөрчлөлтийг багтаав уу. Эсвэл ийм
хэмжээний нэмэлт, өөрчлөлт оруулахад хангалттай гэж үзэв үү?

-Сонгуулийн тухай хуулийн өмнөх
өөрчлөлтүүдийг хараад байхад арванхоёрдугаар сар гаргаж байж буюу хугацаа
тулсан үед батлагддаг онцлогтой. Энэ хууль олонхи хүч түрэн баталдаг хууль биш.
Парламентад суудалтай болон суудалгүй намуудын улс төрийн зөвшилцлийн үр дүнд
олонхийн хүслийг харгалзан баталдаг хууль. Хэрэв Сонгуулийн тухай хуулийг улс
төрийн хүчин дангаараа батлах юм бол сонгууль хүчин төгөлдөр байх, үр дүнг
хүлээн зөвшөөрөх асуудал дээр маргаан гардаг. Тиймээс кнопын олонхиор
шийдэхгүй. Улс төрийн намуудын хоорондын зөвшилцөл нэлээн хүчтэй явагдаж байж
батлагдана. Хэрэв зөвшилцөл амжилттай болбол арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө
батлах боломжтой гэж үзэж байгаа.

-Одоогоор Сонгуулийн тухай
хуулиар хэд, хэдэн хуулийн төсөл өргөн бариад байгаа шүү дээ?

-Хугацаа маш бага байгаа ч
гэлээ олонхийн зөвшилцлийг л барина. Надаас гадна ажлын хэсгээс, “Шударга ёс”
эвслээс хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Эдгээр хуулийг харгалзан үзээд
дундын хувилбар гарган зөвшилцлийн үр дүнд Сонгуулийн тухай хуулиа баталж
болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ 99 суудалтай болж, бүрэн эрхийн хугацаа нь таван жил байна

Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн
хуулиа баталсан. Түүнээс хойш 2000 онд
нэмэлт, өөрчлөлт оруулж байлаа. Аль
ч УИХ-ын
үед Үндсэн хуульд нэмэлт
өөрчлөлт оруулах эсэх тухай
сэдэв анхаарлын төвд байж, Үндсэн
хуульдаа гар хүрэх эсэх
талаар мөнхийн маргаан үүсч
байдаг. Өмнөх парламентын үед
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах
эсэхээр ажлын хэсэг байгуулагдаж
ажилласан ч шийдэлд хүрэлгүй
бүрэн эрхийн хугацаа нь
өндөрлөсөн. Мөн энэ парламентын
үед ч Үндсэн хуульд
нэмэлт өөрч­лөлт оруулах
нь зүй­тэй хэмээж
ажлын хэсэг бай­гуулж,
УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан. Тус ажлын хэсэгт
УИХ-ын гишүүн Н.Лүндээжанцан, Су.Батболд, Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж, С.Баярцогт, Н.Батцэрэг нарын
хүмүүс багтсан юм. 1992 оны
шинэ Үндсэн хуулийг батлахад
гар бие оролцож байсан
туршлагатай, тулхтай хүмүүс цөөнгүй
багтжээ хэмээн тэд­нийг
олон нийт үнэлж байлаа.
Юутай ч тэд хоёр
жил орчим Үндсэн хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуу­лийн төсөл дээр
ажиллаад дараахь өөрчлөлтүүдийг тусган
санал оруулж байгаа юм
бай­на. Одоогийн байдлаар
уг хуулийн төслийг АН,
МАН, ИЗНН, “Шударга ёс”
эвсэл, бие даагчдаас бүрдсэн
47 гишүүн дэмжиж гарын үсэг
зураад байгаа ажээ. Энэхүү
өөрчлөлтүүдийг нэг бүрчлэн харцгаая.

Нэр өөрчлөх тухай. Ажлын
хэсгийнхэн Үндсэн хуулийн нэрийг
“Монгол Улсын Эх хууль”
хэмээн өөрчлөх санал оруулж
ирж байгаа юм байна.
Тэд үүнийгээ “Нийгмийн харил­цааг зохицуулах
эрх зүйн хэм хэмжээний
эх сур­валж нь
болж байгааг харгалзан үзэж
“Эх хууль” гэж нэрлэх
нь зохистой байна” гэж тайлбарлажээ.
УИХ-ын гишүүдийн тоог
99 болгоно. Олон улсын парламентын
гишүүдийн тоог хүн амтай
нь харьцуулсан судалгаа, 1992 оноос хойших хүн
амын өсөлтийг харгалзан УИХ-ын төлөөлөх
чадавхийг дээшлүүлэх үүднээс гишүү­дийн
тоог нэмэгдүүлж 99 бол­гоно гэжээ.
Засгийн газрын бүрэн эрхийн
хугацаа таван жил болно.
УИХ, Засгийн газрын бүрэн
эрхийн хугацаа дөрвөн жил
байгаа нь Засгийн газар
мөрийн хөтөлбөрөө хэрэг­жүүлэхэд хангалтгүй
гэж үзжээ.

Тиймээс энэ хугацааг таван
жил болгон нэмснээр Үндсэн
хуулийн 21 дүгээр зүйлд өөрчлөлт
оруулах шаардлага гарч байна. Хэрэв
УИХ-ын бүрэн эрхийн
хугацааг таван жил болговол
орон нутгийн ИТХ, Засаг
даргын бүрэн эрхийн хугацааг
ч сунгах юм
байна. Үүний тулд Үндсэн
хуулийн 21 дүгээр зүйлийн хоёр
дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн хоёр
дахь хэсэг, 30 дугаар зүйлийн хоёр
дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн нэг
дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн гурав
дахь хэсэг, 60 дугаар зүйлийн хоёр
дахь хэсгийн “дөрвөн жил” гэснийг
“таван жил” гэж өөрчлөх
ажээ.

Ерөнхий сайд танхимаа өөрөө
бүрдүүлнэ. Нэг ёсондоо Ерөнхий
сайд Засгийн газрын гишүүдийг
томилно, чөлөөлнө, огцруулна гэсэн үг. Засгийн
газрын тэргүүний танилцуулсан гишүүдийг бүрэлдэхүүнээр нь УИХ-аас
батлан томилох ажээ. Засгийн
газрын бүтэц, бүрэлдэхүүний тоог
Үндсэн хуулиар тогтоох, УИХ-ын гишүүн Засгийн
газрын гишүүнээр хавсран ажиллах хязгаарыг
тогтоох, Ерөнхий сайдыг огцруулах,
дараагийн Ерөнхий сайдыг томилох
асуудлыг хамтад нь тавьж
шийдвэрлэдэг болгохоор өөрчлөлт оруулсан байна.

Ерөнхийлөгчийг
ард түмэн сонгохгүй. Монгол
Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх, түүнийг
сонгох журмыг төрийн тэргүүн,
ард түмний эв нэгдлийг
илэрхийлэгч институт болох зарчмынх нь
хувьд нийцүүлэн өөрчлөх ажээ. Ингэснээр
Ерөнхийлөгчийг ард түмэн биш
УИХ, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын
болон аймгуудын ИТХ-ын дарга
нар нууц санал хураалтаар
сонгох юм байна.

Гурван хоттой болно. Монгол
Улсын нутаг дэвсгэр, засаг
захиргааны хуваарь, нутгийн өөрөө удирдах
ёсны байгууллагын эрхзүйн зохицуулалтыг өнөөгийн
шаардлагад нийцүүлэн өөрчлөхөөр болжээ. Тухайлбал, Дархан,
Эрдэнэт хот гэж тодорхойлсон
заалт өмнө нь Үндсэн
хуульд байгаагүй. Тэгвэл Улаанбаатар, Дархан,
Эрдэнэт хот нь засаг
захиргааны тусгай нэгж мөн
гэж үзээд тэдгээрийн удирдлагын
эрх хэмжээ, засаг захиргааны
зохион байгуулалт, үйл ажиллагааны журамд
өөрчлөлт оруулах юм байна.

Засгийн газар есөн яамтай
байна. Үндсэн хуулийн гуравдугаар
бүлгийн 39 дүгээр зүйлийн хоёр
дахь хэсэгт өөрчлөлт оруулан
Засгийн газрыг есөн яамтай
болгохоор өөрчилжээ. Үүнд, Сангийн яам,
Дотоод хэрэг, хууль зүйн
яам, Гадаад хэргийн яам,
Байгаль орчин, хөгжлийн яам,
Батлан хамгаалахын яам, Гэгээрлийн яам,
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын
яам, Хөдөө аж ахуйн
яам, Дэд бүтцийн яам
багтах юм байна. Мөн
Ерөнхий сайд шаардлагатай гэж
үзвэл Засгийн газрын үйл
ажиллагааны тодорхой асуудал хариуцсан гурваас
илүүгүй гишүүн нэмж болно.
Ерөнхий сайд Засгийн газрын
бүрэлдэхүүний саналаа УИХ-д
өргөн мэдүүлнэ гэжээ.

Ерөнхий шүүгчийг Улсын Дээд шүүхийн
шүүгчид нууц санал хураалтаар
сонгоно. Үндсэн хуулийн гуравдугаар
бүлгийн 51 дүгээр зүйлийн хоёр
дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий
зөвлөлийн санал болгосон Улсын
дээд шүүхийн шүүгчдийг УИХ-ын зөвшөөрснөөр, бусад
шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн
санал болгосноор тус тус Ерөнхийлөгч
зарлиг гарган батламжилна” гэжээ.
Мөн Ерөнхий шүүгчийг Улсын
дээд шүүхийн шүүгчид дотроосоо
гурван жилийн хугацаагаар олонхийн
нууц санал хураалтаар сонгохоор
болжээ. Сонгогдсон хүнийг нэг удаа
улираан сонгож болох юм
байна. Ингэснээр Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч
томилдог биш, шүүгчид дотроосоо
сонгодог болон өөрчлөх ажээ.

Сумын Засаг даргыг иргэд
өөрсдөө сонгоно. Үндсэн
хуулийн гуравдугаар бүлгийн жардугаар зүйлд
“…Сум, хотын Засаг даргыг
иргэд таван жилийн хугацаагаар
шууд сонгож, аймгийн Засаг
дарга батламжилж, мөн хуульд заасан
үндэслэлээр чөлөөлж, огцруулна. Сум, хотын Засаг
даргын сонгуульд улс төрийн нам
нэр дэвшүүлж оролцохгүй бөгөөд иргэн зөвхөн
өөрийн нэрийг дэвшүүлнэ” гэж
заахаар төсөлд тусгажээ.

Улсын ерөнхий прокурорыг Ерөнхий
сайд нэр дэвшүүлнэ. Үндсэн
хуулийн гуравдугаар бүлгийн 56 дугаар зүйлийн хоёр
дахь хэсэгт “Улсын ерөнхий
прокурорыг Ерөнхий сайд нэр
дэвшүүлж УИХ-ын зөвшөөрснөөр
Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар
зарлиг гарган батламжилна” гэж
заажээ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Жамбалжав: Төрийн тусгай албаны эмнэлгийг хувьд зувчуулах гэж байгаа нь хууль зөрчсөн асуудал

Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Л.Жамбалжавтай ярилцлаа.

-Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэх нь гэж ярьж байна. Та эмнэлгийн байгууллагад олон жил ажилласан, асуудлыг хамгийн сайн мэдэх хүний хувьд эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-1990 оноос эхэлсэн өөрчлөлт шинэчлэлтэд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүх салбар өөрчлөгдөж зах зээлийнхээ жамаар хөгжиж байна. Гэтэл иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх ёстой салбар нь ямар ч өөрчлөлтгүй эмх замбараагаа алдаж дампуураад байна. Миний бие 40 гаруй жил эрүүл мэндийн салбарт зүтгэж сумын эмчээс аймгийн мэс заслын эмч, клиник болон улсын томоохон эмнэлгүүдийн захирал, Эрүүл мэндийн яамны бүх газрын даргаар ажиллахдаа салбарынхаа төлөө гэх санаа агуулж, амжилт бүтээл, сайн сайхан талаас нь харж бодож явлаа. Тиймээс салбараа муулуулахгүй, муулахгүй байх сэтгэл зүрхтэй байдаг ч өнөөгийн доройтол, арчаагүй байдлыг нууж чадахгүй нь. Болж байна гээд хоосон алга ташиж суух нь утгагүй гэж үзсэн болохоор алдаа дутагдал, өнөөгийн бодит байдлын талаар санал бодлоо түмэн олонтойгоо хуваалцаж төр засгийн эрх мэдэлтнүүдийг анхаараасай гэж хүссэн юм.

-Салбар доройтож байгаа нь хэнтэй, юутай холбоотой юм бэ?

-Өнөөгийн алдаа дутагдал эрүүл мэндийн төлөө өдөр, шөнөгүй зүтгэж байгаа 40 гаруй мянган хүнтэй холбоогүй. Амьдралд хүрэлцэхгүй хэдхэн төгрөгийн цалинтай ажиллаж, унтах нойроо хугаслан зүтгэж ирсэн ахмад буурлуудын бүтээж бий болгосон үйл ажиллагааны ерөнхий голдрил л явж байна. Ингэсний хүчинд эрүүл мэндийн салбар хэвийн үйл ажиллагаатай мэт харагдаж байгаа нь манай салбарын эмч ажилтнуудын ажлаа мэддэгийн ач тус. Сүүлийн жилүүдэд эмч, сувилагчийн буруугаас хүний амь нас хохирч байгаа нь дан ганц тэдний буруу биш. Энэ бүхэн тухайн байгууллагын удирдлага, зохион байгуулалттай шууд холбоотой. Эмч нар эмчилгээ үйлчилгээ явуулах, мэс засал хийх, халдварт өвчнөөс сэргийлэх, өвчнийг тархуулахгүй байх зэрэг нь эмнэлгийн тусламжийг зохион байгуулж буй албан тушаалтантай шууд хамааралтай байдаг. Мөн тогтолцоотой холбоотой.

-Янз бүрийн өвчин, тэр дундаа халдварт өвчнөөр өвчилж буй хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг удирдах албаны хүмүүстэй холбож ойлгох хэрэг үү?

-Сүүлийн үеийн мэдээгээр бэлгийн замын өвчлөл 1.5 дахин нэмэгдсэн байгаа. Мөн сүрьеэ өвчний тархалт ихсэн, эхийн эндэгдэл нэмэгдлээ. 0-5 насны хүүхдийн эндэгдэл буурахгүй байна шүү дээ. Гадаадад эмчлүүлж буй монголчуудын тоо өдрөөс өдөрт өсөж байна. Манай эмнэлгүүдийн эмчилгээний чанарын үзүүлэлт муу, эмч сувилагч нар алдаа гаргаж, өвчтөний амь нас хохирч байгаа нь ерөөсөө л эрүүл мэндийн салбарын шат шатны удирдлагатай холбоотой. Тухайлбал, бригадын бага эмч, сумын эрүүл мэндийн даргаас авахуулаад нэгдсэн эмнэлэг, аймаг, дүүрэг, улсын эмнэлгүүдийн дарга, ерөнхий эмч, захирал, Эрүүл мэндийн яамны хэлтэс, газрын дарга цаашлаад Эрүүл мэндийн сайдтай шууд холбоотой. Уг нь эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд мөрдөж байгаа хууль эрхзүйн актууд чамгүй олныг батлан гаргасан. Эрүүл мэндийн гол хуулиуддаа 3-5 жил тутам байнгын нэмэлт өөрчлөлт оруулж, хуультай холбоотой дагалдан гарах 800 гаруй журам батлан гаргасан байна. Сайн, чанартай хууль гарсан ч үй олон журам, тушаал заавруудыг мөрдөн ажиллуулах ёстой ч мэдлэг дорой, ар өврийн хаалгаар тавигдсан дарга нар байгууллага дээрээ зохион байгуулалт хийж чадахгүй байна.

-Эмнэлгийн үйлчилгээ, чанар муу байгаа тухай ярихаар өөдөөс төсөв, санхүү тааруу байна гэдэг. Үнэхээр төсөв нь хүрэлцдэггүй юм уу?

-Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, төсөв жилээс жилд нэмэгдсээр ирсэн шүү дээ. Ямартай ч манай төрийн түшээд эрүүл мэндийн төсвийг хасаж таналгүй байнга нэмэгдүүлж байдаг нь хүний амь юутай үнэтэй вэ гэдгийг анхаарч байгаатай холбоотой. Хэдийгээр эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа зардал бага, дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 хувь байна гэж ярьдаг хэдий ч улсын төсөв, эмнэлгийн байгууллагуудын өөрийн орлого, олон улсын хандив тусламж, хувь хүмүүс, албан байгууллагын өгөөмөр тусламжийг тооцвол боломжийн санхүүжилттэй. Гагцхүү энэхүү санхүүжилтийг зөв зохицуулж чадахгүй, үрэн таран хийж байгааг хэн ч анхаарахгүй, хэн ч хяналт тавихгүй байна. Тухайн эмнэлэгт оны эцэст тодорхой хэмжээний мөнгө үлдвэл төрийн сан хураагаад авдаг. Тиймээс эмнэлгүүдийн удирдлага мөнгөө зарцуулж дуусгах зорилготой, дээрээс нь ахиухан мөнгө төсөвт суулгуулах сонирхолтой байдаг.

-Яам хяналт тавьдаг байлгүй дээ?

-Эрүүл мэндийн салбарын амин чухал хэсэг, тархи толгой нь байх ёстой яам нь бодлого боловсруулах битгий хэл ямар ч чадваргүй дампуурлын байдалтай байна. Туршлагатай, сүүлийн жилүүдэд бодлого боловсруулж ирсэн чадвартай төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халж, оронд нь ямар ч ажлын туршлагагүй, мэдлэг мэргэжил дорой хүмүүсээр яамаа дүүргэсэн. Мэргэжилтнүүдээс авахуулаад хэлтэс, газрын дарга нар нь хүнд сурталтай, асуудлыг шийдэх чадваргүй өөрсдөөсөө түлхэж бөөрөнхийлсөн хүмүүс ажиллаж байна. Миний л мэдэхийн одоо яамны эмнэлгийн тусламжийн асуудал хариуцан ажиллаж буй Л.Зэндмаа гэдэг жаахан охин нийслэлийн Эрүүл мэндийн газарт олигтой ч ажиллаж байгаагүй. Нийслэлийн эмнэлгүүдийн тусламжийн асуудлыг бантагнуулж хаясан хүн өдгөө Монгол Улсын хэмжээний эмнэлгийн тусламжийн бодлогыг боловсруулж зохион байгуулна гэж юу байх вэ дээ. Мөн нийгмийн эрүүл мэндийн асуудлыг зохион байгуулах хэлтсийн дарга П.Оюунцэцэг дүн бүртгэлийн эмч бөгөөд ямар ч ажлын туршлагагүй.Үүнээс өмнө маш сайн туршлагатай Нарангэрэл гэж хүн ажиллаж байлаа. Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга О.Баяр урьд нь Мэдээлэл хяналт шинжилгээ үнэлгээний даргаар ажиллаж байсан бөгөөд энэ ажлаа хийж чадахгүй халагдаж солигдоод энд тэнд хурган дарга хийж байсан. Ийм нөхөр Монгол Улсын хэмжээний эрүүл мэндийн салбарын бодлогыг хэрэгжүүлж чадна гэж үү. Саяхан Баянхонгор аймагт жирэмсэн эхийн төрөлтийн явцад эмнэлгийн тусламжийг буруу зохион байгуулснаас нарийн мэргэжлийн тусламж авч чадалгүй нас барсан хэрэг гарсан. Гэтэл зөвхөн тухайн эмнэлгийн эмч, эмнэлгийн байгууллагын дарга нарт хариуцлага тооцоод өнгөрлөө. Угтаа энэ бол зөвхөн эмч нарын алдаа биш. ЭМЯ-наас орон нутагт эмнэлгийн тусламжийг зохион байгуулж чадахгүй байгаагийн тод жишээ.

-Уг нь эмнэлгүүд нэг үеэ бодвол хэрэгтэй тоног төхөөрөмжөө авч чаддаг болсон. Энэ яамны ажил биш гэж үү?

-Сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр л явж байна шүү дээ. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хавдрын эсрэг хөдөлгөөн эхлүүлж олон нийтийн анхаарлыг хандуулж чадаж байна. Чадахаар барахгүй ХСҮТ-ийн өргөтгөлийг барих мөнгийг 2016 оны төсөвт суулгууллаа. 25 дугаар суваг телевизийнхэн 1000 төгрөгийн хандивын аян өрнүүлж 100 гаруй сая төгрөгөөр Түлэнхийн төвд арьс нөхөхөд хэрэгтэй багаж авч өгсөн. “Бороо гоулд” компани нэгдүгээр төрөхийг барилаа. Гуравдугаар төрөхийг УИХ-ын гишүүд хөөцөлдөн байж бариуллаа. Баянгол дүүрэгт С.Эрдэнэ гишүүн шинэ эмнэлэг нээхийн зэрэгцээ 140 ортой хүүхдийн эмнэлэг байгуулсан. Гэтэл Эрүүл мэндийн сайд хаана юу хийж байна вэ. Эрүүл мэндийн сайд солигдох бүртээ ёс юм шиг Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар өөрийн хүнээ авчирдаг. ЭМЯ-ны төсөв хөрөнгө, зарцуулалт ямар ч эмх замбараагүй, тендер явуулж байгаа нь хувийн ашиг сонирхлынх гэдгийг түмэн олон ярьж байна. Түрүүчийн хүмүүс ч ял хүлээж байна. ЭМЯ-ны сүүлийн жилүүдийн санхүү, төсөв, зохицуулалт, тендер шалгаруулалтыг холбогдох байгууллага шалгах шаардлагатай. Эрүүл мэндийн салбарын баригдаагүй царцаасан барилгуудын хөрөнгө оруулалт ч но-той байгаа шүү.

-Сайд солигдох бүртээ өөрийн хүнээ авчирдаг гэсэн үг үү?

-Одоогийн ЭМЯ-ны төрийн захиргаа удирдлагын дарга, сайдын нарийн бичиг нар эрүүл мэндийн салбараас тэс өөр салбарын хүмүүс. Г.Шийлэгдамба сайдтай хамт ажиллаж байсан, эсвэл хамаатан садангийн хүмүүс гэнэ лээ. Бүхэл бүтэн салбарын хүний нөөц, хүний нөөцийн хөгжил, албан тушаалын томилгоог энэ салбарыг огт мэдэхгүй хүн хариуцан сууж байна гэдэг эмгэнэл бус уу. Уг нь манай салбар бусдыг бодвол хэн дуртай нь ажиллаад байдаггүй, өвөрмөц, тусгай мэргэжлийн салбар. Би эрүүл мэндийн салбарыг удирдсан сүүлийн найм, есөн сайдтай ажиллаж байлаа. Мэргэшсэн эрдмийн зэрэг цолтой, эмчийн чагнуур зүүж, эмнэлэг дээр хонон өнжин өвчтөний амь насны төлөө тэмцэж байсан хүмүүс энэ салбарыг толгойлж байхад арай өөр байсан юм шүү. Хэдийгээр мэргэжлийн бус ч гэлээ мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож, болохоосоо болохгүйг хүртэл зүтгэж өөрийн чадах ёстой юмыг хийж байсан хүмүүс уг нь байсан л юм. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд Т.Ганди эрүүл мэндийн салбарын эрх зүйн актыг боловсронгуй болгоход хичээн зүтгэж, мэргэжлийн хүмүүс болон эрдэмтэн зохион байгуулагч дэд сайд Ш.Энхбат, зөвлөх А.Дамдинсүрэн нарынхаа үгийг сонсож бас ч гэж муугүй ажиллаж байсан. Сайд асан С.Ламбаа эдийн засагч хүний хувьд салбарынхаа эдийн засгийн байдал, эмнэлгүүдийнхээ уялдаа холбоог сайжруулах тал дээр анхаарч чадварлаг газрын дарга нараар хүрээлүүлэн ажиллаж байсан тул өнөөдөр эрүүл мэндийн салбарт нэр хүндтэй үлдсэн. Одоогийн сайд харин яаман дээрээ ч сууж ажиллаж чадахгүй юм. Нэг бол гадуур ажилтай, эсвэл томилолттой л гэнэ. Тэр ч байтугай төрийн нарийн бичгийн дарга эмэгтэйгээ дагуулаад Америк явж, яамыг долоо хоног эзэнгүй байлгасан. Бас сонсох нь ээ, нэг архи уухаараа долоо, найм хоног алга болдог гэнэ. Би Ерөнхий сайдаас асуумаар байдаг юм. Эрүүл мэндийн салбар нь иргэдийн амь насыг хамгаалах, өвчилсөн үед эмчилж эдгээх ажлыг хэрэгжүүлэн зохион байгуулах асуудал Монголын төр засагт хамаагүй хэрэг үү гэж. Бас Г.Шийлэгдамба сайд “Жамбалжав дарга аа, Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарын сайдаар эмч хүн ажиллах хэрэггүй болохоор дотроос нь сайд томилж болохгүй гэж хэлсэн” гэсэн. Үнэхээр тэгж хэлсэн юм уу гэдгийг асуухсан.

-Гээндээ ч бий, гоондоо ч бий гэсэн үг байдаг. Эмч нар хүнд суртал гаргаж, авлига өгөөгүй өвчтөнүүдэд анхаарал халамж муу тавьдаг гэдэг?

-Өнөөдөр ард иргэд өвдлөө гэхэд хэвтэх эмнэлэг алга. Эмнэлэг олдлоо ч оргүй болчихдог. Амаржих дөхсөн эх төрөх эмнэлэгт очиход ор олдохгүй, хонгилд сууж байна шүү дээ. Ер нь хүн өвдлөө гэхэд танил эмчийн эрэлд гардаг. Очоод бүх шатанд нь мөнгө барьж байна. Эрүүл мэндийн салбар авлигаараа тэргүүлдэг гэдэг нь үнэний ортой болж байна. Би эмнэлэгт ажиллаж байхдаа мэс заслын дараа хэдэн бууз, халуун савтай цай бариад орж ирэхийг авлига гэхгүй, сэтгэлийн зүйл гэдэг байлаа. Гэтэл манай салбар үнэн хэрэгтээ авлигад баригдчихаж. Ингээд зогсохгүй улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэдлэг чадвар өндөр, дадлага туршлагатай эмч нараа өндөр настай болсон байна гээд халчихсан. Оронд нь баруун, зүүнээ мэдэхгүй шахам хүүхдүүд ажиллуулж байна. Энэ бүхэнд хяналт, шалгалт хийж зохих дүрэм, журмаа мөрдүүлдаг газар байх ёстой. Эрүүл мэндийн яаманд ямар ч бодлого алга. Хөөрхий нийслэлийн Эрүүл мэндийн газар, хэдэн дүүргийн эмнэлэгт чамгүй зохицуулалт хийдэг, эрүүл ухамсартай, мэргэжлийн хүмүүс л энэ салбарыг арай ч унагачихгүй зүтгэж байна даа.

-Нэгдүгээр эмнэлэг дээр л гэхэд бөөрний дутагдалтай хүмүүст зориулсан аппаратад танил талгүй, арын хаалгагүй бол орж чаддаггүй гэх яриаг зөндөө л сонсож байлаа?

-Б.Бямбадоржийн удирдсан нэгдүгээр эмнэлгийн үйл ажиллагаа маш муу байгаа нь үнэн. Иргэдээ ялгаварлан гадуурхах, хэвтэн эмчлүүлж буй өвчтөнийхөө эмчилгээг харьяаллын бус гэж хаадаг болсон шүү дээ. Өнгөрсөн онд л гэхэд гемодиализэд орох өвчтөнүүдийг харьяаллын гэж ялгаад дарга цохолт хийдэг болсон. Нэг ёсондоо мөнгөтэй, эсхүл Б.Бямбадоржийг таньдаг бол бөөрний аппаратад орж амь аврагдах юм байна л даа. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, ажилтнууд бол үнэхээр сайн ажилладаг. Ялангуяа ахмад эмч нар маань олон жилийн туршлагатай, гагцхүү тэдний үйл ажиллагааг дэмжиж удирдлагын зохион байгуулалт менежментийг зөв хийх ёстой юм. Нэгдүгээр эмнэлгийн сайн нь Б.Бямбадорж даргын биш, тэнд ажиллаж байгаа чадвартай эмч, ажилтнуудын гавьяа шүү дээ. Би нэгээхэн цаг үед тус эмнэлгийн даргаар ажиллаж байсны хувьд хэн нь яаж ажилладгийг мэднэ.

Ер нь төрийн мэдэлд ГССҮТ, ХӨСҮТ, ХСҮТ, Үндэсний их сургуулийн эмнэлэг, хүчний байгууллагын эмнэлэг байх ёстой.Төр, нийгмийн эрүүл мэндийг авч явах ёстой байдаг. Бусад эмнэлэг буюу I, II, III эмнэлгүүд болон дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлэг хувийн салбарт байхад улсын төсөв хэмнэгдэнэ. Дээрээс нь менежмент сайжирна. Эмнэлэг эзэнтэй болно. Авлига газар авахаа болино. Хамгийн гол нь төсвийн ачаалал эрс буурах учиртай. Менежментээр хувьчлагдсан Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эмнэлгийг хар л даа. Улсаас ямар нэгэн төсөв авдаггүй. Эрүүл мэндийн даатгалын мөнгөөр үйл ажиллагаагаа явуулж маш сайн ажиллаж чадаж байна. Гэтэл улсын эмнэлгүүд нь төсвөөс баахан мөнгө авч байгаа хэрнээ өрөнд ороод, төсөв авч байгаа мөртлөө эм тариагаа тасалж хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдээр өөрсдөөр нь эм, тариа авахуулдаг. Удирдлагууд нь улсын мөнгө идээд тендер нэрээр хувьдаа ашиг гаргаж байгаа. Тэр бүү хэл сайд дарга нарт авлига өгөөд тэр суудалдаа өнө удаан жил суугаад байгаа юм биш үү. Зарим сайд эмнэлгийн дарга нараас мөнгө нэхэж авдаг гэж олон түмэн ярих юм. Үнэн байж мэдэх л юм.

-Эмнэлгийн хувьчлал гэснээс Төрийн тусгай албаны эмнэлэг барина гэж байсан. Уг барилгын асуудал юу болсон бэ?

-Төрийн тусгай албаны эмнэлэг барина гээд төсвөөс хөрөнгө гаргаж байснаа гэнэтхэн цэргийн эмнэлэгтэй нэгтгэлээ. Болох л зүйл. Гэвч эмнэлгийн зориулалтаар барьсан барилгад хуулийн байгууллага оруулахаар хөрөнгө зардал гаргаж байснаа дахиад л буцлаа. Одоо эмнэлэг хэвээр нь үлдээхээр болсон юм гэсэн. Ашиглаж эхэлье гэтэл хөрөнгө мөнгөгүй болсон гээд байх юм. Тэгснээ нэгдүгээр эмнэлгийн дарга Б.Бямбадоржийн мэдэлд өгчихөж. Нэг ёсондоо Б.Бямбадорж даргын удирдлага дор хоёр эмнэлэг ажиллах хэрэг үү.

-Төрийн тусгай албаны эмнэлгийг Б.Бямбадорж даргын мэдэлд өгчихсөн хэрэг үү?

-Тус эмнэлгийг Б.Бямбадорж концессын гэрээгээр дуусгахаар болсон юм гэнэ. 30-аад тэрбум төгрөгөөр барьж дуусгаад 30-40 жилийн дараа улсад оруулсан мөнгөө буцааж авна гэсэн. Энэ бол зүгээр л луйвар. Хэрэв концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа юм бол хуулиараа төрийн албан хаагч төрийн эмнэлгийг гэрээ хийж авч болдог юм уу. Тэгээд ч Б.Бямбадорж тийм сайн менежер мөн үү. Төрийн тусгай албаны эмнэлгийг хувьд зувчуулж байгаа нь хууль зөрчсөн асуудал биз дээ. Нэг талаас нэг монгол эмч хувийн хөрөнгөтэй болж байгаа нь сайхан ч Г.Шийлэгдамба сайд нутаг нэгтэндээ шууд өгч байгаа нь хэтэрхий соёлгүй, ёс суртахуунгүй хэрэг. Шуудхан хэлэхэд Төрийн тусгай албаны эмнэлэг зориулалтаараа ажиллахгүй юм бол гэмтлийн эмнэлэг болгох хэрэгтэй. Б.Бямбадоржийн хувийн эзэмшилд өгсөн Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох хэрэгтэй. Тэр ч байтугай энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар болон холбогдох хуулийн байгууллага шалгах нь зүйтэй юм.

Гэмтлийн эмнэлэг өнөөдөр савандаа багтахгүй, дээр нь Түлэнхийн тасгийг оруулсан нь эмнэлэг хамгааллын дэглэмийг ноцтой зөрчиж байгаа гэмт хэрэг. Түлэнхийн шарх бол идээлүүлэгч стафилококк агуулдаг халдвар тараах аюултай байхад мэс засал хийлгэсэн өвчтөнүүдтэй агаарын урсгал нэг газарт байж болох уу. Гэтэл бариад дуусаж байгаа эмнэлгээ хувьдаа бизнесийн эмнэлэг болгож байдаг. Бас нэгэн зүйлийг хэлэхэд Б.Бямбадорж оо, уучлаарай. Би хувь хүн гэдэг утгаар нь чам руу дайраагүй. Бас чамайг хамт олон эсэргүүцэж байхад сайн ажиллах залуу хүн гэж дэмжин орлогчоороо дэвшүүлж ажиллуулсан. Бидний хувийн харьцаа бол хувийнхаараа. Харин энэ үйл ажиллагаа бол улс эх орон, ард түмний төлөө тул би асуудлаа ил тавьж байгаа юм. Ухаантай ойлгож хүлээж аваад хариуцсан нэгдүгээр эмнэлгийн ажлаа сайжруулахыг би чамаас хүсэж байна. Эрүүл мэндийн салбар, эмнэлгийн үйлчилгээ гэдэг бол ард түмний өмч. Эн тэргүүний хэрэгцээ. Тиймээс эрүүл мэндийн олон мянган эмч ажилтан та бид энэ салбараа арчаагүй байдлаас гаргах хэрэгтэй. Ард түмнийхээ төлөө зүтгэх эрхэм зорилго бол зөвхөн та бидний амин чухал зорилт шүү.

Categories
мэдээ улс-төр

Б.Батболд: Ардчилал нэрийн дор монголчуудыг талцуулан хувааж буй системийг эвдэх хэрэгтэй

Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболдтой ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт болсон “Бид хамтдаа” үндэсний форум дээр та “Улс орноо цэгцэлж авахгүй бол болохоо байлаа” гэсэн. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт МАН-ын зохион байгуулсан “Бид хамтдаа” үндэсний форум боллоо. Тэр үеэр С.Бямбацогт гишүүний илтгэлд “Монгол Улс системийн хямралд ороогүй” гэх үзэл санаа давамгайлж байна лээ. Парламентад суудалгүй манай намын тухайд долоо хоног бүрийн бямба гаригт бусад улс төрийн намууд болон иргэний хөдөлгөөний нөхдүүдтэй ийм маягийн уулзалт яриа хийдэг. Үүний зорилго нь нэгдүгээрт, намуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол улмаар нэгдэл, нягтралыг бий болгохыг зорьдог. Манай намын бусдаас ялгардаг нэг онцлог нь асуудалд судалгаа тооцоотой ханддаг явдал. Нөгөө талаасаа намын үзэл баримтлал, үнэт зүйлс нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахтай холбоотой бүх асуудалд чухал ач холбогдол өгч ханддаг юм. Түүнээс биш бүх зүйлд оролцоод популизм хийгээд байдаггүй. Форумын илтгэгч нарын ярьж буйг сонсохоор тэдний үнэлэлт, дүгнэлт зөрүүтэй, тодорхой нэгдсэн байр суурьгүй байна. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр Монгол Улс удирдлагагүй завин дээр байгааг илтгэж байгаа юм. Хоёрдугаарт, өнөөдөр бий болсон гадаад, дотоод нөхцөл байдлыг үнэлж, дүгнэж чадаагүй байна гэдэг цаашдаа эдгээр улсаас олигтой юм хүлээх хэрэггүйг илтгэж байгаа л хэрэг. Асуудлынхаа мөн чанарыг таниагүй болохоор ямар ч логик гаргалгаа гарахгүй байна. Яг өнөөдрийн нөхцөл байдалд бид дундын болон алсын зайн төлөвлөлттэй холбоотой ямар ч гоё зүйл ярих утгагүй.

Эхлээд улс орноо цэгцэлж авахгүй бол болохгүй болчихлоо. Гадаад, дотоод нөхцөл байдал маань энэ хэвээрээ цааш үргэлжлэх бололцоогүй болгож байна. Хэрвээ бид энэ байдлаараа аяглаад байвал Засгийн газрын ордны гадаа хоёр улсын туг мандах байх. Нэг нь Монгол Улсынх, нөгөөх нь өөр улсын туг байх магадлал маш өндөр болчихсон байна. Хамгийн наад захын жишээ, бид сүүлийн дөрвөн жилийн дотор эдийн засгийн хувьд хараат болчихлоо шүү дээ. Үндсэндээ эдийн засгийн тусгаар тогтнолоо алдсан гэсэн үг. Монгол Улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ тоог хоёр дахин нугалсан өртэй болсон байна. Монгол Улсын Засгийн газрын өр 11 тэрбум ам.доллар байна. Хувийн хэвшлийнхэн 10 тэрбум ам.долларын өртэй. Дээрээс нь Монголбанк хэчнээн хэмжээтэй юанийн зээл авсныг шаардаад байхад гаргаж өгөхгүй байна. Эдийн засгийн аюулгүй байдал улсынхаа аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчихлээ.

-Ийм байдалд хүрсэн тухай улстөрч болгон л ярьж байна. Гэтэл гаргалгааны тухай бараг ярихгүй байна шүү дээ?

-Одоо гоё сайхан ярихаа болих хэрэгтэй. Цаад тал нь хавар гэхэд асуудал үүсэж эхэлнэ. Дулаан, цахилгааны үнэ нэмэгдчихсэн, ам.долларын ханш өссөн, ард түмний орлого эрс муудсан байна. Гаргаж байгаа зардлаа хааж чадахгүй хэмжээнд хүрлээ. Бүх хуримтлагдсан муу зүйл нэг цэг дээр төвлөрчихлөө. Одоо тэгэхээр эрсдэлийн менежментээ яаж хийх вэ гэдгээ ярилцах ёстой. Хэн нь юу чадахаа ярилцъя. Гэхдээ камерын өмнө биш. Аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн чиглэлээр судалгаа хийдэг багууд хөлсөлж ажиллуулах хэрэгтэй.Эхний ээлжинд үүсээд байгаа нөхцөл байдлаас тун бага хохиролтой гараад системээ тогтворжуулах хэрэгтэй. Үүний дараа реформ хийе. Өнөөдөр Монгол Улсын асуудал юунд байна вэ гэхээр хоёр том дээрэмчний бүлэглэлд байна гэж улсууд яриад байна шүү дээ. “МАН-гар”-ын бүлэг, “АН-гаахай”-н бүлэг гэж нэрлээд байна. Хамгийн гол асуудал үүсгэж байгаа эх сурвалжийн нэг нь улс төрийн намын санхүүжилттэй холбоотой гинжин урвал юм. Эндээс улбаатай тохиолдлын, мөнгөө төлсөн л бол төрийн ямар ч албанд очиж болж байна. Авлига, хээл хахуулийн асуудал үүнээс улбаалан гол асуудал үүсгэж төрийн системийг устгах хэмжээнд хүрээд байгаа юм. Үүнийг алга болгоод улс төрийн намуудыг гарааны ижил тэгш нөхцөлтэйгөөр сонгуульд оролцуулбал ард түмэн зөв сонголт хийж чадна. Монгол гадартай, гадаад дотортой нөхдүүд яаж улсаа хөгжүүлэх юм бэ. Үндэсний үзэлтэй, эх орноо гэх үнэн сэтгэлтэй хүмүүсээ төрд гаргаж ирэх хэрэгтэй цаг үе болжээ. Аливаа юманд сэтгэлээрээ хандаж байж бодит эерэг үр дүн гардаг нь зүй тогтол. Монголоо үгүйсгэсэн хоноцын сэтгэлтэй хүн яаж Монголын төлөө ажиллах юм бэ. Хамгийн тод жишээ нь, Оюутолгойг тойрсон үйл явдлууд байна. Мөн Тавантолгой компанийг нэг компанийн өрийг төлөхөд нь зориулж, хувийн компанид шилжүүлэх гэж оролдсон үйл явдал. За тэгээд Ноён уулын гээд тоочоод байснаас Монголд ашигтай уул уурхайтай холбоотой үйл явдал юу байв гэх нь амар байх. Хамгийн сүүлд өршөөлийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэргийг хамруулах оролдлого хийж уг хуулийг баталсан. Монголын болон олон улсын зүгээс эрс эсэргүүцэлтэй тулж нэг юм зогслоо. Энэ бол эрх зүйт төрийг үгүй хийх хор уршигтай үйлдэл шүү дээ, цаад утгаараа.

-Эдийн засгийг богино хугацаанд сайжруулдаггүй юмаа гэхэд одоо байгаагаас нь дордуулахгүйн тулд яах ёстой вэ?

-Шийдэлгүй проблем байдаггүйтэй адил гарцгүй нөхцөл байдал бас байхгүй. Юуны өмнө яагаад ийм байдалд орсон учир шалтгаан, оношоо зөв тавих ёстой. Онош зөв тавиагүй тохиолдолд асуудал шийдэгдэх цаг хугацаа, хүч хөрөнгө, үргүй зардлаас авахуулаад олон юм болно. Дараа нь асуудалд хандах хандлага гэж юм бий. Тэр нь асуудлыг аль өнцгөөс харж чадаж байгаагаас их шалтгаална. Товчхондоо гарах гарц бол зөндөө л байна. Асуудал голдуу зардал чирэгдэл дагуулж байдаг, бага хохиролтой богино хугацаанд асуудлаа шийдэх үү, асуудлаа барьж авалгүй тойрч дөлсөөр шийдэж байгаа дүр үзүүлж байгаад унах уу гэдгээ л эрх баригчид эхний ээлжинд шийдэх ёстой гэж бодож байна. Өнгөрсөн долоо хоногт МАН-аас зохион байгуулсан “Бид хамтдаа” форум дээр тавигдсан илтгэлүүдийг харж байхад асуудал юунд байна гэдгээ зөв оношлоогүй шиг харагдлаа. Тэгэхээр асуудал угаараа шийдэгдэхгүй л гэсэн үг. Суурь нь илжирч муудаад унаж байгаа байшинг будаг засал хийж хэсэг хугацаанд сэтгэлээ хуурч байгаатай л адил дүр зураг харагдаж байх шив дээ. Аливаа гоц шийдэл маш энгийн байдаг юм. Будаа идүүлэхэд төсвийн орлогоо яаж нэмэх тухай бодох биш төсөв бүрдүүлдэг хэсгээ бодитой дэмжих, төсвөөс цалинждаг хэсгээ багасгахын тулд ажлын байр бий болгодог жижиг, дунд үйлдвэрийг бодитой дэмжих хэрэгтэй. Энэ маягаар асуудалд хандах хандлага, бодлогоо зөв гарах хэрэгтэй. Бодлого зөв гарахын тулд онош зөв бодит байх ёстой гээд л нөгөө богино эргэлтэд ороод байгаа юм. Монголд байгаа бүх асуудлын эх сурвалж нь төрийн байгууламж, түүнийг бүрдүүлж бий болгодог нам гэдэг институци. Түүний хууль эрх зүйн орчин, үйл ажиллагаатай шууд холбоотой системийн том алдаа гаргачихаад алдаагаа засахыг эрх баригч намууд хүсэхгүй хямралын гүн намагт жил ирэх бүр шигдэн орж байна. Улс төрийн намын санхүүжилтийн асуудал нь төрийн системд суусан хамгийн хөнөөлтэй вирус болж байгаа. Мөн Үндсэн хуулийн төрийн байгууламжийн хэсэг ч бас нэгэн хөнөөлтэй вирус.

-Энэ юу гэсэн үг вэ. Та тайлбарлахгүй юу?

-1992 онд монголчууд ардчилсан, зах зээлийн нийгэм байгуулах үзэл санаа бүхий Үндсэн хуулийг баталсан. Бид тэр зорилгоо биелүүлээд өнөөдөр бий болсон үр дүнг нь нийтээрээ амсаж байгаа. Бид ардчиллын төлөө байх ёстой юм уу үндэсний эрх ашгийн төлөө байх ёстой юм уу гэдэг сонголтоо хийх тэр цаг үед иржээ. Үүний тулд 25 жилийг зарцуулсан байна, үүнийг ойлгохгүй байгаа бол хэн нэг нь биднийг засаж тохинуулах байх даа. Зарим улс төрийн зүтгэлтнүүд хүртэл бид төрөө өөрсдөө засаглаж үзээгүй 300 жил болчихсон учир их хэцүү байна. Засдаг улсад өгчих нь амар ухааны юм сүүлийн үед ярьдаг болж. Түүх бол үндэстний ой санамж байдаг. Ой санамжаа алдсан хүн нэрээ мэдэхгүй, гэрээ олохгүйтэй адил нөхцөл байдалд л бид байна. Дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байсан эдийн засгийн загвар цаашид ажиллахаа больж байгаа. Дэлхий нийт дэглэмийн өөрчлөлтийн өмнө ирчихлээ шүү дээ. Монголыг тойрсон гадаад хүчин зүйл асар хурдтай хувьсан өөрчлөгдөж тогтворгүй болж байна. Дээрээс нь дотоод хүчин зүйл маань ч ямар аюултай байдлын өмнө ирчихээд байгааг ойлгох таних хэрэгтэй байна. Юуны өмнө дотооддоо оюун санаа, эв нэгдлийн хүчийг бий болгож тогтворжуулах асуудал өнөөдөр юу юунаас илүүтэй хурцаар тавигдах ёстой. Үүнийг хамтын хүчээр хийж чадахгүй бол бид хамгийн үнэ цэнтэй тусгаар тогтнол гээч үндсэн суурь, эрх ашгаа алдахад хүрсэн. Орчин үед геополитикийн арга хэрэгсэл өөрчлөгдөж эдийн засаг, санхүүгийн арга хэрэгслээр дамжуулж хүчирхэг гүрнүүд эрх ашгаа хангадаг болсон. Монгол Улс өнөөдөр эдийн засаг, санхүүгийн хувьд бусдын хараат болсон байгаа нь миний хэлээд байгаагийн баталгаа юм даа. Тун удахгүй бид их өр төлж эхэлнэ. Юугаар, яаж гэдэг нь ойлгомжгүй. Дээрээс нь Монгол гэдэг айлын галыг алдуулахгүй авч гарах гаргалгаа нь дахиад л зээл тусламжид дулдуйдахаас өөрийг бодож олохгүй юм шиг. Гэх мэтээр энэ эрх баригчдаас хүлээх юм үндсэндээ байхгүй. Энэ тогтворгүй систем цааш ажиллахгүй, тэгэхээр нэн даруй эд нар сайн дураараа тарж ардын түр хурлыг байгуулаад түр хурал нь үндэсний эрх ашгаар засаглах үзэл санаа бүхий Үндсэн хуулийг баталж улс төрийн реформыг нэн даруй хийх нь нийт монголчуудын эрх ашигт нийцнэ гэж бид үзэж байгаа.

-Монгол Улсын эдийн засаг, улс төр, нийгмийн нөхцөл байдал хэзээнээс сайжирна гэж бодож байна?

-Би ерөнхийдөө байдлыг хэлчихлээ дээ. Юун түрүүн улс төрийн реформыг нэн даруй хийж энэ болохгүй бүтэхгүй системийг халах хэрэгтэй. Түүнгүйгээр цааш явах боломж байхгүй. Улс төрийн реформ хийнэ гэдэг нь Үндсэн хууль, улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хуулиа үндэсний, нийтлэг эрх ашигт нийцүүлэн шинээр хийх ёстой юм. Үүнийг өнөөдрийн эрх барьж байгаа намууд хийж чадахгүй нь дэндүү ойлгомжтой байна шүү дээ. Тийм болохоор ард түмний түр хурлыг зохион байгуулах ёстой. Үүнийг үндэсний эрх ашиг шаардаж байгааг ухамсартайгаар ойлгох хэрэгтэй. МАН-ын Монгол, АН-ын Монгол, МУНН-ын Монгол гэж байхгүй. Бид нэг эх оронтой, нэг эрх ашигтай, нэг цул үндэстэн. Ардчилал нэрийн дор монголчуудыг талцуулан хувааж байгаа системийг нэгтгэн нийлүүлж нэг зүгт хардаг системийг бий болгоно л гэсэн үг. Намууд улс орныг хөгжүүлэх, ард түмнээ хангалуун сайхан амьдруулах хөтөлбөрөөрөө л уралддаг байх. Түүнээс биш элдэв харийн үзэл суртал, санаа бодлоор ард түмнээ мунхруулахгүй, талцуулахгүй байх, төрийн үзэл суртал нь үндэсний эх оронч үзэл санааг бүх шатанд суртлаа болгох тийм системийг л бид ажиллуулах ёстой. Энэ нь бусдыг үзэн ядах, бусадтай сөргөлдөх биш эзэн зочны харьцааны зарчим дээр суурилсан байх, гадаад эдийн засгийн харилцаа нь харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчим дээр суурилах ёстой. Гадаад бодлого нь хоёр хөрштэйгөө харилцах харилцааг тэргүүлэх чиглэл болгон улс үндэстний тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах олон талт бодлого дээр суурилсан зарчмыг үндэс болгосон байна.

Энэ мэтээр гадаад, дотоодын олон асуудлыг цогц хэлбэрээр харж улс төрийн реформыг хийх хэрэгтэй. Түүний дараа л хөгжил дэвшил ярих боломж бүрдэнэ. Тэрнээс өнөөдөр шиг зөвхөн эдийн засгийн өнцгөөс аливаа асуудалд хандан улс орны эрх ашгийг уландаа гишгэдэг байдлыг үгүй хийх системийг бий болгох тухай үзэл санаа дор системийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй байгаа юм.

-Та ирэх сонгуульд хаанаас нэр дэвших вэ?

-Баянзүрх дүүргээс л нэр дэвшдэг, тэндээ л нэр дэвшинэ гэж бодож байна. Өнөөдөр Монголын төр хямралын нөхцөл байдалд ажиллах маш сайн төлөвлөгөө, эрсдэлийн менежмэнтийг бодитой хийх нь хамгийн чухал тулгамдсан ажил. Тэгж байж бид сонгууль явуулах боломж нөхцөлийг хангах учиртай цаг үед иржээ гэдгийг хэлэх хэрэгтэй байх.