Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд хэдэн тэрбумаар үнэлэгдэх хөөрөг Монголд цөөнгүй бий

Орчин үеийн хөөрөг, үнэт эдлэлийн өнгийг тодорхойлж буй шилдэг дархчууд эртний эдлэл цуглуулагч нартай хамтран жил бүрийн цагаан сарын босгон дээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. “Мичин жилийн гоёл” нэртэй өнөө жилийн үзэсгэлэнд Увс аймгийн харьяат, Монгол Улсын заан Ө.Тулгаагийн эдэлж хэрэглэж байсан манан хөөрөгнөөс эхлээд Монголын сор болсон уран дархчуудын бүтээлийг сонирхож болох ажээ. Туул рестораны хойд талд “Арт хаус” төвийн үзэсгэлэнгийн талбайд гарсан энэхүү худалдаанд хөөрөгнөөс гадна мөнгөн аяга, хэт хутга, эрэгтэй эмэгтэй хүний бүс, гутал, эмээл, шатар, алт мөнгөн аяга, идээний таваг гэхчилэн монголчуудын уламжлалт хэрэглээтэй холбоотой эд зүйлс тавигджээ.

Цагаан сар дөхөөд ирэхээр нийслэлийн хэмжээнд маш олон газар хөөрөг, мөнгөн аяганы үзэсгэлэн худалдаа гардаг. Тэднээс ялгарах онцлог нь өндөр зэрэглэлийн бүтээлүүд. Үзэсгэлэн худалдаанд оролцож буй байгууллага, цуглуулагч нарт тодорхой хэмжээний шалгуур тавьдаг юм байна. Тиймээс хагас үнэт чулуугаар хийсэн Монголын төдийгүй дэлхийн жишигт нийцэх хөөрөг тэргүүтэй үнэт эдлэлүүдийг худалдаалж байгаа ажээ. Тус үзэсгэлэнгээс Монголын шилдэг хөөрөгний жагсаалтад багтаж байсан халтар манан, чүнчигноров, гартааман хөөргийг сонирхож болох юм билээ. Мөн зуу, хоёр зуун жилийн өмнө урлаж байсан эртний хөөрөгнүүд ч бий. Зохион байгуулагч нь Говь-Алтай аймгаас ирсэн чүнчигноров хөөргийг өнөө жилийн үзэсгэлэнг чимэх маш сайн хөөрөг хэмээн онцолж байсан. Уг хөөрөг нь улаан, шар, бор гурван өнгийг агуулсан байгалийн тун ховор, нарийн тогтоцтой ажээ. Олон тохиогоод байхгүй уг хөөрөг тус үзэсгэлэн худалдаанд 80 сая төгрөгөөр зарагдаж байгаа. Мөн дархчууд дунд дээд зэрэглэлийн бүтээл урладгаараа алдартай Одгийвын урласан эрэгтэй, эмэгтэй хүний хос бүс олныг бишрүүлж байв. Үзэсгэлэнг сонирхож яваа олон нийт гайхалтай нарийн хийцийг нь шагшин магтаж байсан бол мэргэжлийн хүмүүс “Орчин үеийн монгол дархны оргилд хүрэх бүтээл” гэж онцолсон. Уг бүсийг хийхдээ алт, мөнгийг маш нарийн утас шиг болгон давтаад гурваас дөрөв давхарлан хээ дүрслэл гаргажээ. Чимэглэлийн нарийн хийц дархан хүний авьяасыг шавхсан бүтээл болсны зэрэгцээ хатгамалтайгаа чулууны өнгийг нарийн хослуулсан байна. Дэлхийд алдартай брэндүүд хүртэл ийм бүтээгдэхүүн гар аргаар үйлдвэрлэсэн түүхгүй гэсэн. Зуун хувь гар аргаар үйлдвэрлэсэн ийм бүсийг зөвхөн Монголоос л харж болохоор ажээ. Энэ жилийн үзэсгэлэн худалдааны бас нэгэн онцлог нь идээний таваг. Өмнөх жилүүдэд идээний таваг тийм ч сонголттой байгаагүй бол энэ жилээс хөөмлийн, цутгуурын, утсан сүлжмэлийн аргаар олон төрлийн сонголттойгоор урласан байна. Мөн монгол ахуй амьдралыг харуулсан шатар үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүн бүрийн анхаарлын төвд орж байлаа. Уг шатрыг монгол зургаар урласан бөгөөд сүйх тэрэгтэй, эмээл хазаар бүхий морьтой, жинд яваа тэмээтэйгээр шатрын хөлгийг бүтээжээ. Сүүлийн үед үзэсгэлэн худалдааны хамгийн борлуулалт сайтай бүтээгдэхүүн алт, мөнгөн аяганууд болсон гэнэ. 33 см-ийн диаметртэй, үндсэн тагштай, сэврээ хийцтэй, бичин жилийн дүрслэлтэй 80 лангийн мөнгөн аяга 18 сая төгрөгөөр үнэлэгдсэн байна. Харин есөн эрдэнийн чулуутай, арван хоёр жилтэй, есөн эрдэнийн чулуун шигтгээтэй, 80 лангийн мөнгөөр хийсэн алтан шармал аягыг хосоор нь 100 сая төгрөгөөр худалдаж байв. Хөөрөгний тухайд халтар манан, хаш, чүнчигноров, шүрэн, пийсүү, гартааман зэрэг уламжлалт чулуугаар хийжээ. Хөөрөг гэдэг бол хэдэн үе дамжин хэрэглэх үнэт эдлэл. Үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх уламжлалт хэрэглээ учраас чанартай байхыг чухалчилдаг юм байна. Мөн он жил улирах тусам үнэ нь тогтмол өсөж байхыг анхаарах ёстой гэнэ. “Мичин жилийн гоёл” үзэсгэлэнгээс хөөрөг тэргүүтэй үнэт эдлэл худалдаж авахаар зорьж ирсэн хүмүүст олон жилийн туршлагатай цуглуулагч нар зөвлөгөө өгч байлаа.

Увс аймгийн харьяат Ө.Тулгаа зааны эдэлж хэрэглэж явсан манан хөөрөг

Орчин үед хөөрөг худалдан авч буй хүмүүс үүх түүхээс илүүтэй нарийн хийц, чулууны тогтцыг чухалчлах болжээ. Монголын түүхэн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан хөөрөгний тухай түүх, сударт бичигдэж үлдсэн нь тун ховор. Аман яриа маягаар яригдаж байсан болохоор өнөөдөр тэр хааны эдэлж байсан хөөрөг гэдгийг нотлох боломж бага. Нэгэнт л хөөргөө барьж байгаад зургаа авахуулан хойч үедээ үлдээгээгүй бол нотлоход тун хэцүү гэсэн. Тиймээс зах зээл дээр өнөөдөр хийсэн хөөргөө маргааш нь энэ ноёны, тэр хатны хөөрөг гээд явж байх тохиолдол гарч байсан. Тиймээс хөөрөг худалдан авч байгаа хүмүүс нэн түрүүнд чулууны материалаа харна. Дээрээс нь чулууны өнгийг чухалчилдаг. Хаш бол цав цагаан, мана олон өнгө орсон тод өнгөтэй байх хэрэгтэй. Үүн дээр хийц нэмэгдэнэ. Монголд дээд зэргийн хашаар хийсэн хөөрөг маш цөөхөн байдаг гэсэн. Харин дээд зэргийн шүрээр хийсэн хөөрөг томоохон цуглуулагч нарт бий. Дээд зэргийн шүр нэг грамм нь мянган ам.доллараар үнэлэгддэг болохоор бусад хөөрөгтэй харьцуулахад цөөн хувиар үйлдвэрлэдэг гэнэ. Ер нь шүрэн хөөрөгний тухайд үнэ цэн нь он цагаар хэмжигддэг ажээ. Дундаж шүрээр хийсэн мөртлөө 200-300 жилийн өмнө гоё загвартай хийсэн бол өндөр үнэ хүрэх боломжтой. Хуучны хөөрөг үнэтэй байдгийн гол учир нь насжилттай холбоотой. Ямар ч уран дархан дээхнэ үеийн хөөрөгтэй ижил хийцтэйг бүтээж чадах ч он удаан жилийн насжилтыг шингээж чадахгүй учраас үнэ цэн нь улам өсөж байдаг гэсэн.

Ерөнхийдөө өнөөгийн хөөрөгний зах зээлд үүх түүхтэй гэгддэг хөөрөгнүүдийн ихэнх нь эзнээ олсон гэнэ. Зах зээл дээр сайн хөөрөг гарч ирэх нь маш ховор болсон бөгөөд хамгийн сүүлд Ө.Тулгаа зааны эдэлж хэрэглэж байсан манан хөөрөг олны сонирхлыг татах болжээ. Уг хөөрөг зураг дүрслэл, чулууны өнгө тун сайн бөгөөд 80 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа юм байна. Сонирхуулахад манан хөөрөгнөөс хамгийн сайн нь УИХ-ын гишүүн Б.Наранхүүд байдаг гэнэ. Найман морины сийлбэртэй уг манан хөөрөг 1970-аад оны үед Монголоос Бээжин рүү зарагдаж байжээ. Үнэхээр уран гоё хийцтэй энэхүү хөөрөг Хятадын үнэт эдлэл цуглуулагчид байсныг 2000 оны үед эх нутагтаа буцаан авчрахад Б.Наранхүү 400 гаруй мянган ам.доллараар худалдан авч байсан гэнэ. Мөн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцанд халтар манан хөөрөг байдаг. Тэр хөөрөгний чулууны бүтэц тун ховорт тооцогддог гэнэ. Мөн н.Батзориг гэж залууд байдаг халтар манан хөөрөг Монголд байгаа манан хөөргүүд дунд дээгүүрт бичигддэг гэсэн.

ГовьАлтай аймгаас ирсэн байгалийн ховор тогтоцтой чүнчигноров хөөрөг

Шүрэн хөөрөгний тухайд УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн улаан шүрэн хөөрөг толгой цохино. Бээжингийн Энх-Амгалан хааны хөөрөгний үйлдвэрт үйлдвэрлэж XVII зууны үед Монголд орж ирсэн энэхүү хөөрөг маш гайхамшигтай сийлбэртэй. Хөөрөгний сийлбэр мош олон зүйлийн илэрхийлэл болдог ажээ. Шүлэг, яруу найраг, хэн нэгэнд зориулсан сэтгэлийн илэрхийлэл тэргүүтэй маш олон утгыг өөртөө шингээсэн байдаг гэнэ. Д.Бат-Эрдэнийн улаан шүрэн хөөрөгний тухайд нэг талдаа морины сийлбэртэй ажээ. Мөн “Макс”-ын Д.Ганбаатарт нэг сайн шүрэн хөөрөг байдаг гэсэн. Төв аймгийн харьяат Хөдөлмөрийн баатар Зэвэг гэж хүний эдэлж явсан уг хөөргийг хэрэв дэлхийн зах зээлд гарган үнэ хаялцуулбал хэдэн тэрбум төгрөг хүрнэ гэсэн. Түүний ах Д.Цэрэнжигмэдийн улаан шүрэн хөөрөг ч бас сайн чулуутай, сайхан хийцтэй. Түүнчлэн Завхан аймгийн Нөмрөг суманд тун сайн шүрэн хөөрөг байдаг. Дээхнэ үеийн хошуу ноёны эдэлж хэрэглэж байсан хөөрөг олон жил үе дамжин хадгалагдаж явсаар өдгөө үр хүүхдэд нь байдаг ажээ.

80 лан мөнгө орсон алтан шармал хос аяга 100 сая төгрөгийн үнэтэй

Хаш хөөрөг Монголд хамгийн элбэг байдаг. ММСУХ-г үүсгэн байгуулсан Г.Пунцагбалжир агсны хаш хөөргийг онцлох ёстой. Уг хөөрөг өдгөө Г.Пунцагбалжир агсны хүү П.Энхмөнхөд өвлөгдөн очжээ. Мөн Өвөрхангай аймгийн харьяат н.Тогообанди гэж дөч орчим жил эртний эдлэл цуглуулж буй хүнд нэгэн хаш хөөрөг байдаг. Уг хөөрөг хаш хөөрөгний жагсаалтад дээгүүрт бичигддэг юм байна. Мөн “Цайрт минерал” ХХК-ийн захиралд нэг сайхан хаш хөөрөг байдаг гэнэ. Цаг хугацааны хувьд залууд тооцогдох буюу 1990-ээд оны үед хийгдсэн тус хөөрөг дээрээ есөн луутай. Тухайн үед долоо, найман ширхгийг хийж байсан ч дэлхийн зах зээлд гарч зарагдаад дууссан. Тэдгээрээс хамгийн сайн хийцтэй ганцхан нь Монголд үлджээ. Гартаамнаас хамгийн сайн хөөрөг нь Төмөр замд ажилладаг н.Ганбат гэх залууд бий. Энэ залуу олон жил хөөрөг цуглуулж байгаа бөгөөд дээд зэрэглэлийн хоёр, гурван гартааман хөөрөгтэй ажээ. Мөн түүнд нэгэн манан хөөрөг байдаг юм байна. Луун сийлбэртэй, сийлбэр дээрх луу нь хүний гарын хөдөлгөөний аясаар нүдээ аньж, нээдэг ажээ. Лууны нүдийг байгалийн чулууны дахин давтагдашгүй тогтоцоор тааруулан хийхийн зэрэгцээ лууны савраас улаан цус асгарч байгаа дүрслэлтэй юм байна. Энэхүү хөөрөг Монголын гэлтгүй дэлхийн хэмжээнд яригдахаар төгс бүтээл гэж мэргэжлийнхэн дүгнэдэг. Утга бэлгэдэл, зураг дүрслэл тун гайхалтай бөгөөд Монголын үе, үеийн түүхэнд байсан хөөрөгнөөс хамгийн гоё нь гэж хэлж болох ажээ. Хэрэв дэлхийн зах зээл дээр Монголын хамгийн сайхан гурван хөөргийг авч оч гэвэл түүний энэхүү манан хөөргийг хамгийн түрүүнд авч явна гэж “Мичин жилийн гоёл” үзэсгэлэн худалдааны ерөнхий зохион байгуулагч А.Алтангэрэл бахархан танилцуулсан юм. Хэдий хоёр хурууны өргөнтэй жижиг гарын хөөрөг ч дэлхийн тавцанд гаргавал гарцаагүй шуугиан тарьж, олон улсын хөөрөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татах юм байна. Монголын уран дархчуудын үеийн үед урлаж ирсэн ховор нандин хийц бүхий хөөрөгнүүд дэлхийн зах зээлд гарч буй тухайд А.Алтангэрэл “Ер нь дэлхийн зах зээлд танигдсан Монголын бүтээлийг хараад харамсдаггүй. Бид юуг ч алдаагүй. Дэлхийн зах зээлд Монголын бүтээл зарагдаж байна гэдэг бол маш сайн. Бид бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр зарж байж л өөрсдийгөө үнэлүүлдэг болно. Өнөөдөр Монголын үнэт зүйлсийг гадагш гаргахгүй гээд харамлаад суугаад байвал өөрсдийгөө үнэгүйдүүлнэ гэсэн үг. Тэртэй тэргүй дэлхий нэг болчихсон. Хүн төрөлхтний оюуны баялаг гэж ярина уу гэхээс Монголынх гэж тусгаарлаад байх хэрэггүй болсон. Бидэнд мөнгө нь байвал дэлхий дээрх хамгийн гоё хөөргийг худалдаж аваад эх орондоо авчирч болно. Тэр бүхэн нээлттэй болчихсон. Монголоос гарсан үнэт бүтээлийг эргүүлээд худалдаж авах нээлттэй. Бидний бүтээл гадаадад байна гэдэг маань эх орноо л сурталчилж буй хэрэг. Худалдаж авсан хүн нь бүтээлийнхээ үүх түүхийг маш нарийн бичээд хадгалж байдаг. 1990-ээд оны үед Монголын маш сайхан хөөрөгнүүд гадны зах зээл рүү гарсан. Лувсандашийн хар гэж хоёр сайхан хаш хөөрөг байсан. Гайхалтай тэр бүтээл тухайн үед дэлхийн зах зээлд гараад явчихсан. 1990 оны үед бид юун хөөрөг худалдаж авахтай байлаа шүү дээ. Өөрсдийнхөө уламжлалт хэрэглээг хэрэглэх бүү хэл харж чаддаггүй нийгэмд амьдарч байсан. Ардчиллын буянаар өөрсдийнхөө уламжлалт бүтээлийг хэрэглээд, зараад, дэлхийн зах зээлд таниулаад явж байна” гэж байлаа. Мөн тэрээр “Аль болох олон хүн манай үзэсгэлэнг сонирхоосой. Заавал худалдаж авах нь чухал биш. Монголын сор болсон уран дархчуудын урласан хөөрөг, үнэт эдлэлтэй танилцаад гарах нь л чухал. Үзэсгэлэнд борлуулж байгаа бүтээлээс гадна үзмэр маягаар тавьсан эртний эдлэлүүд байгаа” гэсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн Цэц хувийн компани биш

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй
ярилцлаа.

-Өнгөрөгч лхагва гаригт УИХ
Үндсэн хуулийн Цэцийн тухай болон холбогдох зарим хуульд өөрчлөлт оруулсан. Яг
ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?

-Үндсэн хуулийн Цэцийн тухай
хууль, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль,
УИХ-ын дэгийн тухай гэсэн гурван хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Сүүлийн 25
жилийн турш маш их маргаантай байсан Үндсэн хуулийн Цэц шүүх мөн үү, биш үү
гэдэг асуудал. Үндсэн хуулийн Цэц өөрийгөө “Бид бол шүүх” гэж үздэг, шүүхийн
хэмжээний өндөр эрх мэдлийг авсан байгууллага. Хэрэв тийм бол тэр эрх мэдэлтэй
нь ижил хэмжээний процессын шударга байдал, хариуцлага шаардах ёстой. Тиймээс
шүүхийн хамгийн наад захын шаардлага болох төвийг сахих, ил тод нээлттэй байх
зарчмыг хуулиар зохицуулсан. Шийдвэр гаргахтай холбоотойгоор Цэцийн гишүүн
тусгай санал бичих эрхийг нь оруулж ирсэн. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд
бүгдээрээ ижил тэгш эрхтэй. Хэн нэг дарга дээр нь гарчихаад бусдыгаа командлаад
байж болохгүй. Шийдвэр гаргахдаа ч бүгд ижил тэгш оролцоно. Олонхийн саналаас
ялгаатай байр суурьтай байгаа бол түүнийгээ тусгай саналаар илэрхийлэх нь
шүүхэд байдаг стандарт зарчим. Үүнийг тусгаж оруулж ирсэн. Өөр нэг зүйл нь
Цэцийн гишүүдийн тэтгэврийн настай холбоотой. -Цэцийн гишүүдийн тэтгэврийн
насыг 65-аар хязгаарласан. Өмнө нь ийм хязгаар байгаагүй. Гэтэл шинээр ийм
хязгаар оруулж ирсэн нь ямар шалтгаан, үр дагавартай вэ?

-Төрийн албаны хуульд маш
тодорхой заачихсан байдаг. Төрийн алба хаах насны дээд хязгаарыг 65 гээд
заачихсан байгаа. Энэ хууль төрийн байгууллагын бүх шатанд үйлчлэх ёстой.
Үндсэн хуулийн шүүх бүхий улс орнууд Үндсэн хуулийн шүүхийн шүүгчийг томилохдоо
хамгийн дээд тал нь 12 жилээр томилдог. Есөн жилээр томилдог улсууд ч байна.
Харин манайд хорин хэдэн жилээр томилогдоод ажиллаж байгаа. Сая Герман улс
хүртэл Үндсэн хуулийн шүүхийн шүүгчээр ажиллах насыг 67 насаар хязгаарлачихлаа.
Насны хязгаар бол олон улсад байдаг жишиг. Өөрсдийгөө Үндсэн хуулийн шүүх гэж
хэлж байгаа бол шүүхэд байдаг наад захын стандартыг мөрдөхгүй байж болохгүй.
Эрх мэдлээ авахдаа шүүх мөн гэж авчихаад дагаад гарч ирэх ил тод байдал,
хариуцлага ороод ирэхээр мөрдөхгүй гэж хэлж болохгүй. Шүүх юм бол шүүх шиг л
байх ёстой биз дээ.

-Үндсэн хуулийн Цэц шүүх мөн,
биш гэсэн маргаан байдаг. Саяын баталсан хуулиар шүүх мөн гэж үзсэн гэсэн үг
үү?

-Шүүхийн эрх мэдлийн хэмжээтэй
байгаа учраас шүүгчдэд тавьдаг шаардлагуудыг тавилаа. Гэхдээ манай Үндсэн
хуулийн Цэц яг ч шүүх биш л дээ. Хэрвээ шүүхэд байдаг стандартыг тавих юм бол
Үндсэн хуулийн Цэцэд байгаа бүх хүн ажлаа өгнө. Хэрвээ Цэц шүүх гэж үзэх юм бол
Цэцийн гишүүд бүгд шүүгчээр томилогдох болзол хангах ёстой. Гэтэл шүүгчийн
болзол хангах битгий хэл хуульч биш хүн Цэцэд ажиллаж л байгаа шүү дээ. Шүүхэд
мэргэжлийн хуульчид ажилладаг. Мэргэжлийн хуульч төдийгүй шүүгч хийхийн тулд
маш олон шалгуурыг хангасан байхыг шаарддаг.

-Өнөөг хүртэл Үндсэн хуулийн
Цэц өөрсдийнхөө хүслээр хууль бичиж батлуулдаг байсан гэж та шүүмжилж байсан.
Яагаад Цэцтэй холбоотой хуулийг Цэцийнхэн өөрсдөө боловсруулдаг байсан юм бэ?

-Үндсэн хуулийн Цэцэд хууль
санаачлах эрх байхгүй. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн болон
Ерөнхийлөгч хууль санаачилна гээд маш тодорхой биччихсэн. Гэхдээ өмнөх
практикаас харахад Үндсэн хуулийн Цэцийн хууль ямар байхыг ихэнхдээ Цэц шийддэг
байсан. Өөрсдөдөө таалагдаагүй хуулийнхаа зүйл заалтыг иргэнээр мэдээлэл
гаргуулж байгаад хүчингүй болгуулчихдаг. Энэ нь сүүлийн хэдэн жилд илүү тод
харагдлаа шүү дээ. 2012 оны сонгуульд АН-ын “Үндсэн хуулийн Цэцийг Үндсэн
хуулийн шүүх болгон хөгжүүлж, иргэний үндсэн эрхийг хамгаалдаг тогтолцоог бий
болгоно гэж амласан. Уг амлалтынхаа дагуу бид Үндсэн хуулийн Цэцийн тухай болон
Цэцэд маргаан хянан шийдэх ажиллагааны тухай хуулийн төслүүдийг боловсруулсан.
Гэтэл энэ эрх мэдэл одоо байгаа Цэцийн удирдлагуудад таалагдаагүй. Таалагдаагүй
учраас энэ хуулийг өргөн бариулахгүй гэж хоёр жил үзэлцлээ. Арга ядаад хуулийг
нь томоор нь өөрчлөх биш нэмэлт, өөрчлөлт болгоод гурван хуудас төсөл өргөн
барилаа. Үндсэн хуулийн Цэцийн удирдлагууд зөвхөн өөрсдөдөө таалагддаг хуультай
байх тухай л бодохоос биш иргэдэд хэрэгтэй Үндсэн хуулийн Цэцтэй байх тухай огт
бодохгүй байна.

Иргэний үндсэн эрхийг Үндсэн
хуулийн шүүхээр хамгаалуулдаг сонгодог систем бол Германы Үндсэн хуулийн шүүх.
Бид ийм тогтолцоотой болъё гэтэл Цэц иргэний үндсэн эрхтэй холбоотой маргааныг
бид шийдэх зохимжгүй гэж үзэж байна. Германы Үндсэн хуулийн шүүхийн нийт
шийддэг хэргийн 96 хувь нь иргэний үндсэн эрхтэй холбоотой маргаан байдаг.
Үлдсэн цөөхөн хувь хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан. Гэхдээ ийм төрлийн
маргааныг парламентийн цөөнх юм уу Засгийн газраас гаргадаг. Эсвэл шүүхийн
хэрэглэж байгаа хууль Үндсэн хууль зөрчиж байна гэж үзвэл Дээд шүүхээсээ асуулт
тавьдаг. Манайд яаж байна вэ гэхээр Үндсэн хуулийн Цэц нь иргэний үндсэн эрхийн
маргааныг авч хэлэлцэхгүй мөртлөө хууль ямар байхыг шийдэх гэдэг улс төрийн
институци болоод сууж байна. Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүн дээр нэг иргэн
нэмэгдээд аравхан хүн Монгол Улсын хуулийг шийдэж байна. Гэтэл Цэцийн гишүүд
ард түмнээс сонгогддоггүй, ард түмнээр өөрсдийгөө шүүн хэлэлцүүлдэггүй. Тэгсэн
мөртлөө УИХ-ын хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлээд байгаа биз дээ. Өөрөөр
хэлбэл, тэнд сууж байгаа хүмүүс ийм улс төрийн институци байдлаар эрх мэдлээ
хэрэгжүүлэх сонирхолтой байна гэсэн үг. Тэгэхээр үүнийг ул сууриар нь ярих
ёстой юм. Саяхан хуульч Д.Уянга Үндсэн хуулийн шүүхийн чиглэлээр нэлээн
судалгаатай, үндэслэлтэй нийтлэл бичсэн байна лээ. Үнэхээр Үндсэн хуулийн шүүх мөн
үү, биш үү. Хэрвээ шүүх мөн бол шүүх шиг шүүх байя. Биш бол шүүхийн эрх мэдлийг
авахаа больё гээд. Үндсэн хуулийн Цэц дотор байгаа хэдэн хүн эрх мэдэл эдлэхдээ
шүүх болчихоод хариуцлага хүлээх болохоор шүүхээс өөр зарчим яриад байна. Энэ
нь тэнд сууж байгаа есөн хүнд л хэрэгтэй болохоос биш тэр системээр асуудлаа
шийдүүлэх гэж байгаа иргэдэд ямар ч ач холбогдолгүй болчихоод байгаа юм. Тийм
учраас энэ гажуудлыг ямар нэгэн байдлаар шийдэх ёстой биз дээ. Үүний тулд
Цэцийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ёстой.

-Цэцийн гишүүд дунд 3-4 удаа
10-20 жилээр томилогдоод ажиллаж байгаа хүмүүс ч бий. Шинэ хуулиар энэ тал дээр
хязгаарлалт тавьсан уу?

-Зургаан жилээр хоёр удаа л
томилогдоно. Бид Германы жишгийг харж байна л даа. Тэнд Цэцийн гишүүд нь нэг
удаа арван хоёр жилээр томилогддог. Тэр хүнийг дахин томилдоггүй. Учир нь
Үндсэн хуулийн шүүх гэдэг энэ байгууллагад хүнийг удаан байлгаж болдоггүй.
Манайх бол хорин хэдэн жил суулгаад л байдаг. Хорь гаруй жил байгаад байна
гэдэг чинь ямар нэгэн байдлаар улс төрийн нам, улс төрийн бүлэглэлтэй тохироо
хийсний үндсэн дээр үлдээд байна гэсэн үг. Тэр хүмүүсийнхээ эрх ашгийн дагуу
ажиллаж, үүрэг, даалгаврыг биелүүлээд байгаа хэрэг. Тийм ч учраас германчууд
Үндсэн хуулийн Цэцийн гишүүдээ улс төрөөс ангид байлгахын тулд арван хоёр
жилээр нэг л удаа томилдог. Дахин томилогдохгүй учраас ажиллаж байх хугацаандаа
өөрийг нь томилсон, эсвэл хэн нэгэнд таалагдах гэж ажиллах шаардлагагүй. Бид
нэгэнт Үндсэн хуулиа өөрчилж чадахгүйгээс хойш ямар ч байсан зургаан жилийг
арай богино байна гэж үзээд 12 жил дээр тогтсон. Германд Үндсэн хуулийн шүүгчээ
дахин томилохгүй гэдэг нь тэнд ажиллаж буй хүнээ өрөнд оруулахгүй л гэсэн
санаа. Томилогдсон 12 жилийн хугацаандаа л мэдлэг, туршлага, итгэл үнэмшлийнхээ
хувьд бүрэн бие дааж ажиллана гэсэн үг. Үндсэн хуулийн манаач, сахиулагч
байхаас биш Үндсэн хуулиа зараад, өөрөө дээр нь гараад суучихаж болохгүй гэсэн
зарчим.

-Манайд бол Цэцийн гишүүд
Үндсэн хуулийнхаа дээр гараад суучихсан байна гэх шүүмжлэл байдаг. Үнэхээр ийм
байна уу?

-Ер нь бол огт хуульгүй, хуульд
захирагддаггүй мөртлөө өөрсдийнхөө эрх ашгийн төлөө Үндсэн хуулиа зараад сууж
байдаг байдал үүсчихлээ. УИХ мягмар гаригт Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн
өөрчлөлтийг баталсан. Аливаа хуулийг баталсны дараа эцсийн найруулгыг нь сонсож
ёсчилдог. Гэтэл эцсийн найруулгыг сонсоогүй, ёсчлоогүй байхад Цэц уг хуулиар
маргаан үүсгэсэн. Маргаан үүсгээд зогсохгүй “Ийм маргааныг бид ингэж шийдэх
учраас наад хуулийг чинь үйлчлүүлэхгүй шүү” гэсэн бичиг УИХ руу шидээд сууж
байна. Тэгэхээр Цэцэд нөгөө төвийг сахих зарчим алга. Төвийг сахих гэдэг нь
шүүх шийдэх гэж байгаа маргааныхаа урьдчилсан дүгнэлт хийж болдоггүй. Гэтэл
зөвхөн үүгээр л Үндсэн хуулийн Цэц шүүх биш, улс төрийн институци болсон гэдгээ
дахин нотоллоо. Шийдвэрээ аль хэдийнэ урьдчилаад гаргачихаж байна. Маргаан
үүсгээд дунд суудал нь хуралдаагүй байхад “Бид ингэж шийднэ” гэсэн байр сууриа
ил тод хэлж байна гэдэг бол Цэц үндсэндээ огтоос шүүх биш, хоёр дахь хууль
тогтоогч болсон байна. Цэцэд ямар ч шүүхийн болоод хуульчийн ёсзүйн хэлтэрхий ч
байхгүй хүмүүс ажиллаж байна гэдэг нь харагдаж байгаа юм.

-Төвийг сахих гэдэг зарчим
жишээ нь өмнөх хуульд огт байгаагүй юм уу. Эсвэл илүү нарийвчилсан уу?

-Үндсэн хуулийн Цэцийн тухай
хуульд өмнө нь ийм заалт байсан. Үндсэн хуулийн Цэцээр шийдвэрлэх гэж байгаа
маргааны урьдчилсан дүгнэлтийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр, өөр ямар нэгэн
байдлаар гаргаж болохгүй гэж. Жишээ нь шүүгч шийдэх гэж байгаа маргаантай
холбоотой асуудлаар сонирхлын зөрчил үүсгэх юм уу аль нэг талд орж урьдчилсан
байдлаар дүгнэлт хийх юм бол тэр шүүгчийг тухайн маргаанаас холдуулдаг. Ийм
алдаа гаргасны төлөө хариуцлага тооцож эхэлдэг. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэц
шүүх мөн юм бол маргалдаж байгаа талуудын аль нэгд орж болохгүй. Маргааны
талаар хувийн байр сууриа урьдчилан илэрхийлж болохгүй. Би ингэж шийдэж байна
гэдгээ хуралдаан хийхээс өмнө мэдээлж болохгүй. Сая баталсан хуулийн
өөрчлөлтөөр энэ шаардлагыг илүү тодорхой болгож оруулсан. Тэгж байж шүүх болно.
Хэрэв шүүгч өөрийн байр сууриа урьдчилан илэрхийлбэл маргаж буй хоёр талын шударга
ёс алдагддаг. Шүүгч нэг талд байгаа бол шийдвэр яаж гарах нь ойлгомжтой учраас
маргах ямар ч утгагүй болчихно. Ийм байдал гаргуулахгүйн тулд төвийг сахих
гэдэг зарчмыг оруулж ирсэн.

-УИХ-ын гишүүн Засгийн газрын
гишүүдийг огцруулах асуудлыг өргөн барих эрхгүй гэсэн Үндсэн хуулийн шийдвэр
гарсан. УИХ-ын гишүүдийн эрхэнд халдсан хэрэг биш үү?

-Үндсэн хууль дээр маш тодорхой
заасан байдаг. УИХ-ын бүрэн эрх дотор огцруулах, чөлөөлөх, өөрчлөх эрхтэй гэж
байдаг. Харамсалтай нь Үндсэн хуулийн Цэцийн дарга “Lexus-570” машин унахын
тулд Монгол Улсын Үндсэн хуулийг зүгээр л худалдчихлаа. Үүнийг Ц.Нямдорж
гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг тогтоочихсон. Тэгэхээр бидэнд маш том эргэлзээ
үүсч байна. Эрх ямбаныхаа төлөө Үндсэн хуулиа худалдчихдаг Үндсэн хуулийн
манаачтай байж болох уу. Энэ тухай асуудалд нь хариуцлага тооцох уу, үгүй юу
гэдэг асуудал яригдах биз.

-Цэцийн тухай болон Цэцэд
маргаан хянан шийдвэрлэх хуулийг бүхэлд нь өөрчилнө гэсэн яриа бас байна. Энэ
тухай?

-Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн
хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийг өргөн барьсан байгаа. Уг
хуулийг хэлэлцэх явцад нэлээн олон асуудлыг нэг мөр шийдэх байх.

-Сая баталсан нэмэлт, өөрчлөлт
оруулах хуулиас гадна хуулийн төсөл юм уу?

-Тусдаа хуулийн төсөл гэсэн үг.
Намайг Хууль зүйн сайд байхад Засгийн газраас хуулиудын төсөл боловсруулсан.
Тэр хуулийн төслүүдийг өргөн бариулахгүй байх талаар Цэц байдаг чадлаараа
хичээж, зүтгэж ажилласан. Тэдгээр хуулийн төсөл дээр суусан маш олон эрдэмтэн,
судлаач, мэргэжлийн хүмүүс гайхаж байгаа шүү дээ.Яагаад одоо болтол хуулийн
төслийг яагаад өргөн барихгүй байна вэ гэж. Цэц яагаад зөвхөн өөрсдийнхөө эрх
ямбыг дээшлүүлэх зорилготой хуулийг дэмждэг мөртлөө эрх мэдэл, чиг үүрэг нь
тодорхой болоод хүний эрхийн баталгаа болдог тал руу явуулах гэхээр эсэргүүцээд
байна вэ гэж гайхаж байгаа. Гэтэл иргэний үндсэн эрхийг хамгаалахтай холбоотой
асуудлыг Б.Чимэд гуай амьд сэрүүн байхдаа “Монгол Улсад хүний эрхийг
хэрэгжүүлэх хөтөлбөр” дотор тусгайлан зүйл, заалт болгоод оруулж байсан. 15
жилийн өмнөөс зорьчихсон байсан зорилт. Үүнд садаа болж байсан эзэд нь
цэцийнхэн.

-Цэцийнхэн өөрсдөд нь
таалагдаагүй хууль батлахаар хэн нэг иргэнээр гомдол гаргуулаад унагачихдаг
гэдэг. Үнэхээр тийм үү?

-Үндсэн хуулийн Цэцэд байгаа
есөн хүн есүүлээ биш л дээ. Цэцийг удирдаж байгаа хүний ааш аягаас болоод Цэц
ийм дампуу байдал руу орох хүртлээ үйл ажиллагаа нь гажаад байна. Тодорхой нэр
бүхий хүмүүсийн, тодорхой улс төрийн хүчний, тодорхой хуулийн байгууллагын
захиалгаар дүгнэлт гаргадаг болоод хувирчихлаа. Тэр дүгнэлтээ хэрэгжүүлэхийн тулд
урьдчилсан байдлаар байр сууриа байнга илэрхийлдэг болсон байна. Цэцийн
хуралдаанд хуралд оролцогч болон нэр бүхий гишүүд ил тодоор энэ тухайгаа ярьдаг
болчихсон. Ил тодоор ярьсан зүйлийг авъя, хуралдааны тэмдэглэлээ өг гэхээр нууц
гээд өгдөггүй. Энэ байдлыг хуулиар засах ёстой учраас хууль тогтоомжийг
боловсронгуй болгох хэрэгтэй.

-Цэцийн хуралдааны тэмдэглэлийг
ил байлгах нь зөв үү. Ер нь Цэц аль нэг улс төрийн хүчин, байгууллагаас хараат
ажиллаад байна уу?

-Одоо үйлчилж байгаа Үндсэн
хуулийн Цэцийн хууль дээр ч гэсэн Цэцийн үйл ажиллагаа ил тод байна гэсэн
заалттай. Гэхдээ хуулийн заалт байсан ч гэлээ ил тод биш ажиллаж болдог практик
байгаад байна. Тэгэхээр илүү нарийвчлан хуульчилж өгөхөөс өөр аргагүй. Би
түрүүн дурдсан. Үндсэн хуулийн Цэц бие даасан, хараат бусаар ажиллахын тулд
дахин томилохгүй, улстөрчидтэй дахин уулзахгүй байх баталгааг бүрдүүлдэг. Гэтэл
манайд хорин хэдэн жилийн турш дахин дахин томилогдоод байна гэдэг маань
улстөрчидтэй өөрийнхөө эрх мэдэл, албан тушаалыг тохирч чадаж байна гэдгийг л
харуулж буй хэрэг. Тийм учраас өнөөдөр байгаа Цэцийн ажиллаж буй арга барил нь
хаалттай байна. Хаалттай учраас улс төрийн бохир, захиалгатай шийдвэрүүдийг яаж
л бол яаж гаргаж чадах орчин бүрдчихээд байна. Тийм учраас л Цэцийн үйл
ажиллагааг ил тод болгох ёстой. Тэр хүн нь муу, сайн эсвэл Цэцийн гишүүнийг
солих солихгүй тухай ярихаасаа өмнө үйл ажиллагааг нь ил болгоод нээрээ юу
болоод байна вэ гэдгийг харуулах хэрэгтэй. Энэ бол нэгдүгээр зорилго.
Хоёрдугаар зорилго нь алдаа гаргаж байгаа бол хариуцлага тооцож сурах ёстой.
Цэцийн гишүүдийг хариуцлагатай байлгах хэрэгтэй. Цэцийг гэмт хэрэгтнүүд ороод
орогнодог газар болгож болохгүй. Хамгийн том аюултай зүйл бол тэр. -Тэгэхээр
хуулиа бүхэлд нь өөрчилж байж Цэц зөв голдрилоо ажиллаж эхэлнэ гэсэн үг үү?

-Саяын өөрчлөлтөөр зах зух нь
эхэлчихлээ. Дараа нь Үндсэн хуулийн Цэцийг илүү зөв голдрилоор ажиллуулъя гэвэл
хуулийг бүхэлд нь өөрчлөхөөс өөр арга байхгүй.

-УИХ-ын даргад Цэцийн тухай
хуулийн өөрчлөлтөөр Цэц дээр маргаан үүсгэсэн тухай мэдэгдэл ирсэн байсан.
Түүнд нь “…Үндсэн хууль зөрчсөн асуудлаар маргаан үүсгэн шалгаж байгаа
хуулийг хэрэглэж ямар нэгэн шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахгүй байхыг
Танд үүгээр мэдэгдэж байна…” гэсэн байна лээ. Цэц ингэж болох уу?

-Уг нь бол дунд суудал
хуралдаад тэндээс гарсан шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл
хуулийн үйлчлэлийг зогсоодог. Гэтэл дунд суудлын хуралдаан болоогүй, хууль нь
албажаагүй байхад маргаан үүсгэнэ гэдэг их л яарч байгаагийн шинж. Эсвэл улаан
цагаандаа гарч байгаа гэсэн үг. Сандал дээрээ л үлдэж байвал хууль зөрчих эсэх
нь хамаа алга гэж бодож байгаагийн илрэл. Албажаагүй хууль дээр маргаан
үүсгээд, маргаанаа шийдэх тухай хурал нь болоогүй байхад “Наад хууль чинь
угаасаа Үндсэн хууль зөрчсөн учраас наад хуулиа одоо хэрэглэж болохгүй” гэсэн
заавар өгч байна гэдэг бол үнэхээр завхарсан байгаагийн шинж. Дээрээс нь
маргааныг урьдчилан хянаж байгаа Цэцийн гишүүн УИХ-д бичиг явуулдаг. Гэтэл одоо
Цэцийн дарга нь өөрөө маргаан шийдвэрлэхээс өмнө байр сууриа илэрхийлсэн бичиг
явуулж байна. Энэ үйлдэл нь өөрөө Цэц хууль зөрчиж байгааг нотолсон баримт.
Иргэн шүүхээр гэмт хэрэг хийсэн үгүйгээ шийдүүлэх гэж байхад шүүгч нь “Наад хүн
чинь угаасаа гэмт хэрэг хийсэн. Би цаазлах гэж байгаа” гэж яриад явбал тухайн
хүнд шүүхээр асуудлаа шийдүүлэх сонирхол төрөх үү. Угаасаа тэр шүүх чинь шүүх
биш болчихсон гэсэн үг. Үүнтэй л адил. Үндсэн хуулийн Цэц гэдэг бол шүүх биш
байна гэдгийг өөрсдөө нотлоод байгаа юм. Хэрвээ Үндсэн хуулийн Цэц шүүх биш юм
бол яах ёстой вэ гэдгийг бодох ёстой. Цэц өөрөө Монгол Улсын хамгийн хаалттай,
хамгийн хариуцлагагүй, хамгийн асуудалтай газар болоод хувирчихлаа. Тодруулбал,
Цэцэд байгаа нэр бүхий хэдэн гишүүд. Тэр хүмүүс сандал, ширээтэйгээ үлдэхийн
тулд юуг ч зарж, юугаар ч сольж Үндсэн хуулийг нулимдаг гэдгээ харуулж байна. Яахав,
өнөөдөр тэр хүмүүс сохорсон мэт харалган, муйхар байж болно. Тодорхой хугацааны
дараа энэ хүмүүсийн хийж буй үйлдэл судлаачдын маш сайн материал болно. Судалж
байгаа хүмүүс энэ хүмүүсийн ёс зүй, ааш авираас ичнэ. Арай ч ийм хуульчид байх
гэж дээ хэмээн бодно. Хуулийн шударга үнэн, ил тод зөв орчин гэж байдаг бол тэр
бүхнийг манлайлах ёстой институци нь өөрөө хувьчлагдаад, цөөн хүмүүсийн хувийн
компани шиг болчихож. Ганц хүнтэй хувийн компани дотор л ийм байдаг байх.
Хувьцаат компани ч ийм байхгүй. Энэ бол хуулийн байгууллагыг яаж дампууруулж
байгаагийн тод жишээ.

-Ер нь Үндсэн хуулийн Цэц
яагаад ил тод ажиллах ёстой вэ?

-Шүүхийн үйл ажиллагаа ил тод
байдаг. Ганцхан зүйлийг хаадаг. Төрийн болон хувийн нууцтай холбоотой асуудал
хөндвөл хаана. Хоёрдугаарт нь, хүнд ял өгдөг учраас шүүгчийн зөвлөлдөх тасалгаа
нууц байдаг. Гэтэл Үндсэн хуулийн шүүх хүнд ял өгдөггүй. Тодорхой хувийн
асуудлыг шийддэггүй. Шийдэл нь гадагшаа чиглэсэн маш олон хүний асуудлыг
хөнддөг учраас ил тод байх ёстой. Гэтэл манай Цэц бүх зүйлийг нууцлах боломжтой
хаалттай орчин болгон хувиргасан. Хаалттай орчин дотор хамгийн увайгүй зүйлээ
хийж болдог болчихоод байна. Аймшигтай гэж хэлж болохоор болчихлоо.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Баярсайхан: Түрээсийн орон сууц 50 мкв талбайтай, сард 200-300 мянган төгрөг төлнө

УИХын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхантай ярилцлаа.

Засгийн газраас түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ хуулийн төслийн талаар танилцуулахгүй юу?

-Иргэдийг орон сууцжуулах асуудал бол төрийн бодлогын маш чухал хэсэг. 1998 онд тухайн үеийн төр засгаас орон сууцыг иргэддээ хувьчилж өгсөн. Үүний дараа төрөөс орон сууц барих чиглэлээр тодорхой ажил хийж чадаагүй. Хөрөнгө мөнгөний бололцоо ч бага байлаа. Харин хувийн хэвшлийнхэн барилга, орон сууц барьж эхэлсэн. Ингээд 2008 оноос эхлэн дөрвөн мянган айлын орон сууц, бага хүүтэй зээлийн талаар яригдаж эхэлсэн юм. 2012 оноос эхлэн бага, дунд орлоготой иргэдэд чиглэсэн найман хувийн хүүтэй зээлийн асуудлыг шийдсэн байдаг. Ер нь 2003 оноос эхлэн банкны буюу ипотекийн зээлээр орон сууцанд орох ажил эхэлсэн юм. Тэгэхэд банкны өндөр хүүгээр буюу 16-20 хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болж байсан. Тэгэхээр найман хувийн хүүтэй ипотекийн зээл маань бага, дунд орлоготой иргэдэд чиглэсэн болохоор 30 хувийн урьдчилгаатай, 20 жилийн хугацаатай байлаа. Ийм тогтолцоонд шилжсэнээр эхний үед сард гурваас дөрвөн мянган иргэн орон сууцтай болж байсан. Сүүлдээ сард 1200 болж буурсан байх. Үүний зэрэгцээ ипотекийн зээл авч чадахгүй иргэд бас байгааг харгалзаж үзэхээс аргагүй. Тэдэнд зориулан хүү багатай, урьдчилгаа төлбөргүйгээр түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Олон улсад ийм жишиг байдаг. Энэ дагуу 1300 орчим айлын орон сууц барьж ашиглалтад оруулах үүргийг Засгийн газраас холбогдох яаманд өгсөн. Саяхан 900 гаруй айлын орон сууцыг түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд ашиглахаар болсон байгаа.

Түрээсийн орон сууцны төлбөрийн нөхцөл ямар байх вэ?

-Төлбөрийн нөхцөлийн хувьд ипотекийн зээлээр байр худалдан авснаас бага байх ёстой. Иргэдэд түрээсийн орон сууцанд амьдарч байх хугацаандаа ипотекийн зээлд хамрагдах урьдчилгаа төлбөрийн хуримтлал үүсгэх боломж олгохын тулд түрээсийг бага байлгана. Иргэд маань түрээсийнхээ байранд амьдарч байх хугацаандаа бүрдүүлсэн хуримтлалаараа хувийн орон сууц руу шилждэг болно. Ийм жишиг бүх улсад байдаг. Түрээсийн орон сууцны асуудлыг төр дангаараа нуруун дээрээ авч явахгүй. Хувийн хэвшлийнхнийг түрээсийн орон сууц барих бодлогыг дэмжиж ажиллана. Өнөөдөр нийслэл, аймгийн төвд гэр хороололд амьдарч буй олон айл байна. Гэр бол манай улсын уламжлалт сууцны нэг. Гэлээ гэхдээ төвлөрсөн цэвэр устай, цахилгаан хангамжтай, бохирын шугамд холбогдсон байранд амьдрахыг ямар ч хүн хүснэ. Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд 200 гаруй мянган айл гэр хороололд амьдарч байгаа. Тэдний тал нь өөрсдийн амины орон сууцтай болчихсон. Тэр байшинг нь дэд бүтцээр холбох асуудал гарч ирж байгаа. Дээр нь үлдсэн 100 гаруй мянган айлын хашааны газар дээр амины орон сууц барих хөтөлбөр гэж бий. Энэ маань иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн нэг хэсэг болж батлагдах ёстой. Тиймээс түрээсийн орон сууц хөтөлбөрийг дэмжиж хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллах эрх зүйн зохицуулалт хийх ёстой.

Түрээсийн орон сууц гэхээрБуянтУхаашиг ч юм уу хороолол тусад нь босгох уу. Мөн түрээсийн орон сууц хэдэн метр квадрат талбайтай байх вэ?

-Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг боловсруулж Засгийн газарт оруулж ирэхдээ талбайн хувьд 50 мкв, нэгээс хоёр өрөө орон сууц байхаар тусгасан. Ерөнхийдөө залуу гэр бүлд зориулсан хөтөлбөр байгаа юм. Орон сууцны тухайд бие даасан байр байлгана. Энд тэнд байрлалтай бол хэрэгжүүлэхэд төвөгтэй байж мэднэ. Тиймээс нэг дор төвлөрсөн байдлаар шийдэх байх.

Зах зээлд бэлэн байгаа 20 гаруй мянган айлын орон сууц бий гэсэн судалгаа байна. Тэдгээр орон сууцны хорооллоос ашиглах уу, эсвэл шинээр хороолол барих юм уу?

-БНХАУ-ын “Экзим” банкнаас зээл авч баригдаж байгаа хорооллууд байгаа. Тухайлбал долоо, арвандөрөвдүгээр хороолол байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийж байгаа газарт дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийж буй компанитай гэрээ байгуулсан. Мөн Хөгжлийн банкны санхүүжилттэй буюу ТОСК-ийн барьж буй орон сууцны хороололд тулгуурлан хэрэгжүүлэх боломжтой.

Түрээсийн орон сууцанд амьдрах хугацаанд хязгаарлалт байх уу. Мөн хувь хүнээс орон сууц түрээсэлж амьдрахаас яг ямар ялгаатай байх вэ?

-Түрээсийн жишиг үнийг Засгийн газраас баталсан байна лээ. Сардаа 200-300 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Амьдарч буй айл мэдээж хэрэг цахилгаан, дулаан зэрэг хэрэглээнийхээ төлбөрийг төлөөд явна. Дээр нь тодорхой хэмжээний түрээсээ өгөх юм. Хувь хүмүүсээс орон сууц түрээсэлж байгаа хүмүүс зах зээлийнхээ ханшаар өндөр төлбөр төлж байгаа байх. Төрөөс хэрэгжүүлж буй хөтөлбөр учраас түрээсийн үнэ үүнээс бага байх нь ойлгомжтой. Нэг ёсондоо 50 мкв талбайтай орон сууцанд сарын 200-300 мянган төгрөг төлөөд амьдарч болно гэсэн үг. Мөн уг хөтөлбөр хэрэгжсэнээр цаашид орон сууцны түрээсийн үнэ зах зээл дээр буурах боломжтой.

Түрээсийн орон сууцанд амьдарч буй иргэд хуримтлал үүсгэснийхээ дараа амьдарч буй байраа ипотекийн зээлээр худалдан авч болох уу?

-Ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа иргэд урьдчилгаа төлбөргүйгээр түрээсийн орон сууцанд орно. Харин тодорхой хугацааны дараа хуримтлал үүсгэсэн хойноо шинэ орон сууц худалдаж авах юм.

Categories
мэдээ цаг-үе

Ромео, Жульетта жүжгийг хориглох хэрэгтэй байна

Английн зохиолч У.Шекспирийн тэртээ XVI зуунд бичсэн “Ромео Жульетта хоёр” гэж зохиол байдаг. Энэ зохиолоор жүжиг, кино хийн ариун хайрын бэлгэдэл, үнэнч дурлалын түүх үүнээс өөр байхгүй гэх мэтээр магтан дуулдаг. Ромео, Жульетта хоёрынх шиг ариун хайр хаана байна вэ, ертөнцөд үүн шиг нандин дурлал байхгүй гэж цээжээ дэлдэн хийрхэцгээж байна. Хүн төрөлхтөнд алдартай уг зохиолд ерөөсөө л арван дөрөвхөн настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд бие биедээ хэрхэн дурлаж буй тухай өгүүлдэг. Улмаар жаахан хүүхдүүдийн дурлалыг хориглосны төлөө хоёулаа амиа хорлон үхэж буй тухай сурталчилдаг юм. Энэ бүхэн утга зохиолоос авах ёстой зөв үлгэр дуурайл мөн үү. Хар багадаа хэн нэгэнд дурласныхаа төлөө амиа хорлоно гэдэг хэрхэвч зөв зүйтэй алхам биш. Зохиолын өгүүлэмж орчин үеийн бодит амьдралтай огт нийцэхгүй байна. Одоо үед хүмүүс хэрсүү болсон. Урт насалдаг болсон. Бид хоёрыг учруулсангүй гэсэн жижигхэн шалтгааны улмаас амиа хорлохдоо хүртэл бачуурахаа больсон байна. Ромео, Жульетта хоёрын амиа хорлож үхдэг нь хайр дурлал гэхээсээ илүүтэй хэт хувиа бодолтын сонгодог дууль. Хэрэв зохиолд гардагчлан 14 настай хоёр хүүхдийн амийг хорлуулахгүйгээр 18 насанд хүргэсэн бол яах байсан бол. Зүгээр л дөрвөн жилийн турш бие биенээс нь хол, огт уулзуулахгүй байсаар 18 нас хүрэх үед нь дахин учруулсан бол урьдынх шигээ нэгэндээ дурласаар байх байсан болов уу. Гал халуун дурлал нь урьдынх шигээ дүрэлзэн нэг хором хамт байхын төлөө бүхнээ зориулах байсан болов уу. Аягүй бол аль хэдийнэ нөгөөхөө байдаг гэдгийг ч мартчихсан тууж явах байсан биз. Бүр цаашлаад 28 настай байхад нь уулзуулбал амиа золиослоход хүрээд байсан сэтгэл нь хэвээрээ байна гэж байх уу. Орчин үеийн 28 нас гэдэг бол ид залуу нас. Хайрандаа шатаж, зүрх сэтгэлээрээ дурладаг нас. Энэ насанд шохоорхлын байдлаар биш чин сэтгэлээсээ нэгийгээ хайрлан гэр бүл зохиодог учиртай. Ингээд бодохоор Ромео, Жулиетта жүжиг орчин үетэй огтхон ч нийцэхгүй байна. Бидний амьдарч байгаа нийгэмд урлаг, утга зохиол болон амьдралын тухай сургаалууд бодит амьдралтай нийцэхгүй болоод удаж байна. Орчин үед ч биш аль хорьдугаар зууны сүүлээс л нийцэхээ больсон доо. Энэ цаг хугацаа сэтгэгчдийн хувьд бүр XVIII зууны сүүл болж урагшлах байх. Утга зохиол бодит амьдралтай тохирохгүйгээр зогсохгүй нийгмийн амьдралд хортой нөлөө үзүүлж эхэлж байна. Үүний хамгийн бодит жишээ бол “Ромео, Жульетта хоёр” зохиол.

Саяхан арван дөрөвхөн настай, аав ээжийнхээ хайранд умбах ёстой цэцэг цэврүү шиг хоёр охин амиа хорлосон хэрэг гарлаа. Захиа өгч байсан банди өөрийг нь тоосонгүй гэсээр тэд энэ ертөнцөөс өөрийнхөө хүслээр явчихсан. Үнэндээ 14 гэдэг бол дурлал ярьж, гэрээслэл бичих нас биш. Арван дөрөвтэй хүүхдүүд ирээдүйн урт удаан, аз жаргалтай амьдралдаа бэлдэж, мэдлэг мэргэжилтэй болохоор өөрийгөө бэлддэг үе. Ёс суртахуунтай, нийгэмд зөв үлгэр дуурайл үзүүлдэг сайн хүн болохын төлөө суралцдаг нас. Энийг охид, хөвгүүдэд зөв сурталчлан ойлгуулах хэрэгтэй байна. Жинхэнэ бодит амьдрал дээр 18 нас ч дурлал ярих үе биш. Гэтэл амьдралын их далайд хөл тавиагүй байгаа насанд нь хайр дурлалаас өөр зүйл байхгүй мэт ойлголт төрүүлж байгаа нь буруу. Хэн нэгэнд хайртай болж, хэн нэгнээр хайрлуулахгүй бол амьд явах ямар ч утга учиргүй мэтээр зогсоо чөлөөгүй сурталчилж байгаа энэ үед монгол охид харин ч гүжирмэг юм. Нэг үгээр хэлбэл цөөн тохиолдолд амиа хорлож байгаа нь бусад улстай харьцуулахад харин ч бага. Гэтэл худалч хүнд Япон, Солонгосын өсвөр насны охид, хөвгүүдийн бараг тал нь амиа хорлочихдог юм билээ. Тэнд нүүрээ будсан шалдан охин, дэрс шиг бандид дурласан дунд сургуулийнхан хиарах хэмжээнд очтолоо амиа хорлодог гэсэн. Тэрэнтэй харьцуулахад монгол охид харин ч гүжирмэг байна. Яагаад гэвэл ном зохиол, театр, зурагтаар өдөр шөнөгүй тэсэхийн аргагүй сурталчилгаа явах юм. Хэн нэг хүнтэй хайр дурлалаар холбогдож, үржих үйл ажиллагаанд орохгүй бол хүн биш мэтээр сурталчилж байгаагаа зогсоомоор байна. Хайр дурлал гэдэг чинь эцсийн дүндээ хүний өсөн үржихтэй холбоотой шүү дээ. Энэ бол байгалийн зохилдлого. Үүнийг арай хэтэрхий сурталчилж байна. Уг сурталчилгааг аль ч цаг үед “Ромео, Жульетта хоёр” жүжиг манлайлсаар ирлээ. Залуус, тэр дундаа өсвөр насныханд маш буруу үлгэр дуурайл үзүүлдэг энэ буруу сурталчилгааг болиулъя. “Ромео, Жульетта хоёр” жүжгийг хаая. Амьдрал гэдэг чинь зөвхөн хайр дурлал биш юм шүү гэдгийг тэдэнд ойлгуулах хэрэгтэй. Бодит амьдрал дээр 14 насандаа амиа хорлоогүй байсан бол 20 жилийн дараа мэдлэг мэргэжилтэй, тогтсон ажилтай, түших хань, тэврэх үртэй болчихсон аз жаргалаар бялхан амьдрах учиртай. Тэр үед хорин жилийн өмнө дурлаж явсан хүүхдээ эргээд нэг хараарай. Аягүй бол энэнд би дурлаж явсан гэж хэлэхээсээ ч ичнэ дээ. Ихэнх тохиолдолд тийм л байдаг.

Монголын урлаг, утга зохиолд гарч байгаа үйл явдлыг тоймлоё л доо. Алдартай, баян болчихсон хүүхэд багадаа дурлаж явсан анхны хайрын эзэнтэйгээ 20 жилийн дараа уулздаг. Эртний дурлалт хос эргэн уулзсан тэр өдрөөсөө хойш хагацаж салалгүй өмнөх дурлалаа сэргээсэн хойноо хань, үр хүүхэд гээд байдаг бүхнээ орхиод явчихна. Гэвч үнэндээ бодит, жинхэнэ амьдрал дээр хэзээ ч ийм байдаггүй. Өнөөх балчир насандаа хайртай байсан банди нь хогийн архичин, эсвэл худалч, хулгайч болчихсон байдаг. Үнэндээ ийм хүнтэй хэн эргэж нийлэх вэ дээ. Үгүй ядаж л ганц орой ярилцаж сууя гэхээр хөлснийх нь эвгүй үнэр үнэртээд хэцүү биз дээ. Утга зохиолд ингэж бичээд байхаар бодит амьдралд хэтэрхий гологдож байна. Ингэж бичиж байгаа нь орчин үеийн хүмүүсийн сэтгэхүйд огтхон ч нийцэхгүй болчихлоо. Тиймээс бүгдийг өөрчилж, жинхэнэ амьдралд ойртуулж бичмээр байна. Эрт үеийн хоцрогдсон арга барилаар бичсэн ном, зохиолыг уншихад цаг хугацаа ч хайран болчихсон. Дээрээс нь амьдралд байх боломжгүй худлаа, буруу сурталчилгаа явуулж байгааг таслан зогсооё. Хойч үеийнхэндээ хэн нэгэнд дурласнаас болж амиа хорлодог гэх буруу сурталчилгааг уншуулмааргүй, үзүүлмээргүй байна. Хэрэв бид үүнийг эрт мэдэрсэн бол, эрт эхлүүлсэн бол Монголын ирээдүй болсон 14 настай алдрай жаахан охид амьд сэрүүн байх ч байсан юм бил үү. Дурлалдаа шатаж амиа хорлодог биш, сайхан амьдрал цогцлоохын төлөө сайн сурах ёстойг сурталчилдаг болъё. Бид амьд байх нь юу юунаас илүү чухал билээ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Эрдэнэчимэг: Япончууд “Эрдэнэс-Таван толгой”-г ашиглахад оролцоно

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-”Эрдэнэс-Таван толгой”-н ажил ямар шатандаа явж байгаа юм бэ. Улс төрийн эрх ашиг байгаа учраас 2016 оны сонгуулиас өмнө хөдөлгөхгүй гэх яриа байгаа?

-Төр засгийн зүгээс “Эрдэнэс-Таван толгой”-г хөдөлгөхгүй, зогсоосон зүйл байхгүй. Нүүрсний үнэ уначихсан, хэрэглээ байхгүй болохоор “Эрдэнэс-Таван толгой”-н олборлолт түр зогсчихоод байгаа. Нүүрс экспортлохын тухайд гаргаж л байгаа шүү дээ. “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьд өнгөрсөн зун 2.5 сая тонн нүүрс олборлоод овоолчихсон байгаа. Баруун Цанхийн “Макмахон” компанитай байгуулсан гэрээ цуцлагдаж оронд нь Хятадын компани үйл ажиллагаа явуулж Чалкогийн өрийг дарах нүүрсийг олборлож байна. Миний хувьд Таван толгойн тогтоолын төслийг энэ долоо хоногт өргөн барихаар ажиллаж байна. Засгийн газраас санал авах хугацаа арванхоёрдугаар сарын 10-нд дууссан. Төрийн бус байгууллагуудаас дэмжлэг хүсэх албан бичиг өнөөдрөөс (өчигдрөөс) эхлэн ирж байна. Энэ долоо хоногт УИХ-ын даргаас цаг авсны үндсэн дээр Таван толгойн тогтоолынхоо төслийг өргөн барина гэж бодож байгаа. Энэ тогтоолын төсөлд 40 гаруй гишүүн гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн. Ер нь үндсэндээ гол гурван асуудлыг хөндсөн байгаа.

-Ямар гурван асуудал билээ?

-Нэгдүгээрт, 1072 хувьцааг эргэлтэд оруулах ёстой. Хоёрдугаарт, “Эрдэнэс таван толгой” компанийн 51-ээс доошгүй хувь нь Монгол Улсын эзэмшилд байх ёстой. Мөн төмөр замуудын 51-ээс доошгүй хувь нь төрийн эзэмшилд байх ёстой гэж үзэж байгаа. Гуравдугаарт, гуравдагч хөршийн бодлогыг оруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэг улсаас хамааралтай гэрээ байгуулахын эсрэг байх байр суурийг баримталж байна. Энэ тогтоолын төслийг өргөн барьж, хэлэлцсэний дүнд дээрх гурван асуудлыг баталчих юм бол М.Энхсайхан сайдын үед яригдаж байсан Таван толгойн гэрээнд өөрчлөлт орох ёстой гэж үзэж байгаа. Яагаад гэхээр тухайн гэрээгээр “Эрдэнэс-Таван толгой” компанийн 98 хувь нэг улсын харьяалалд очих гээд байсан. Тиймээс “Эрдэнэс таван толгой” компаниар дамжуулан гэрээ хийгдэж 51 хувиа авах ёстой. Дээрээс нь Хятад, Япон, Америк зэрэг бусад улс орны тодорхой компанийг оролцуулахаар гэрээ дахиж хийх шаардлага гарна гэсэн үг. Гэхдээ гэрээтэй, гэрээгүй Эрдэнэс-Таван толгой өнөөдрийг хүртэл явдгаараа явж байгаа.

-Гэрээнд өөрчлөлт оруулна гэлээ. Яг ямар өөрчлөлт орж байгаа талаар танилцуулахгүй юу?

-Тэгэхээр бид гэрээгээ дахиж санах ёстой гэсэн үг. Засгийн газартай байгуулах гээд явж байсан гэрээ маань ямар нөхцөлтэй байсан бэ гэх асуулт гарч ирнэ. Түүн дээр Эрдэнэс-Таван толгойгоос Гашуун сухайт чиглэлийн 270 км төмөр замын асуудал тавигдаж байсан. Энэ төмөр замын 49 хувийг Монгол Улс 30 жилийн дараа эргүүлэн эзэмшилдээ авна гэх нэг том заалт байсан. Харин гэрээн дээр ямар өөрчлөлт орох вэ гэхээр төмөр замын 51 хувь анхнаасаа манай улсын эзэмшилд байна. Үлдсэн хувь дээр дурын компани хөрөнгө оруулалтаа хийгээд хамтрах боломжтой. Эрдэнэс-Таван толгой компаниар дамжуулан бүх гэрээ хийгдэх ёстой гэх заалт оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс-Таван толгойн 51 хувь манай эзэмшилд үлдэх болно. Үлдсэн 49 хувь дээр “Шинхуа”, “Энержи Ресурс” зэрэг компани оролцох бүрэн боломжтой. Одоо бол “Эрдэнэс-Таван толгой” компани гэрээний гадна талд үлдчихээд байгаа юм. Мөн одоогийн гэрээн дээр иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааны тухай үг, өгүүлбэр ч байхгүй. Шинэ гэрээний тухайд иргэдэд оногдож байгаа хувьцааг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой заалтууд оруулсан.

-Иргэд хувьцаагаа хэрхэн ашиглах талаар тодорхой ойлголтгүй байх шиг санагддаг юм. Хувьцааны тухайд тодорхой тайлбарлахгүй юу?

-Тэр бол анх гэрээ байгуулж байсан багаас явуулж байсан нэг ёсны сурталчилгаа. Жижиг Таван толгойгоос хувьцаа эзэмшигчид хувьцааныхаа ашгийг хэрхэн хүртэж байсан тухай мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Таван толгойн жижиг ордуудын хувьцаа хангалттай хэмжээнд өсөж байсан. Тэндээс тухайн хувьцаа эзэмшигчийн авч байсан ноогдол ашиг нэлээн өндөр болсон түүх байгаа. Тиймээс иргэдийн гар дээр байгаа хувьцааг эргэлтэд оруулах ёстой гэж харж байна. Монгол Улсын иргэд бусад ямар ч орд газар дээр хувьцаа эзэмшиж чадахгүй байгаа. Ганц хувьцаа эзэмшиж буй Эрдэнэс-Таван толгойн ордоосоо ирээдүйд ноогдол ашиг хүртэнэ. Маргааш эсвэл нөгөөдөр ноогдол ашиг хүртэх тухай асуудал огт биш. Магадгүй тав, арван жилийн дараа хувьцааныхаа ноогдол ашгийг хүртэж болно. Хувьцаа маань тодорхой хэмжээний эргэлтэд орох бүрэн боломжтой. Хувьцаагаа банкинд барьцаа болгон зээл авах гарц харагдаж байгаа. Тэгэхээр зөвхөн ноогдол ашгаас гадна хувьцаа эзэмшигч байна гэдэг маань хөрөнгөтэй болж байгаа хэрэг.

-Хувьцааны ашгийг хэзээнээс хүртэж эхлэх вэ?

-1072 ширхэг хувьцааг хэрхэн амилуулах вэ гэдгийг л гэрээн дээр тусгаад өгчихье гэх асуудал яригдаж байна. Тэгэхээр Санхүүгийн зохицуулах хорооноос ч юм уу санал гаргаад хувьцааг эдийн засгийн эргэлтэд орох бүрэн боломжтой. Иймэрхүү байдлаар хувьцаа эргэлтэд орох боломжийг бүрдүүлчих юм бол иргэн бүр өнөөдрийн үнэлгээгээр нэг сая төгрөгийн хувьцаа эзэмшиж байгаа гэсэн үг. Хэрэв төмөр зам ашиглалтад орчихвол сая төгрөгийн хувьцаа үнэд ороод явна.

-Таван толгойн нүүрсний ордыг ашиглах тухайд олон янзын хувилбар яригдаж байгаа. М.Энхсайхан сайдын гаргаж ирсэн хувилбарыг эдийн засгийн талаасаа нэлээн өгөөжтэй байх болов уу гэж дүгнэж байсан ч гэлээ ажлын хэсгийнхэн гацаачихлаа шүү дээ?

-М.Энхсайхан сайдын гэрээний хувилбараар Эрдэнэс-Таван толгойгоос урагшаа гарах төмөр зам, Эрдэнэс-Таван толгойгоос Хятад руу зарах нүүрсний операторын үйл ажиллагааг Шинхуа, Энержи ресурс компанийн консерциум хамтран эрхэлнэ гэж байгаа. Энэ консерциум Эрдэнэс-Таван толгойг 100 хувь эзэмшихэд Монгол Улсад хоёрхон хувь нь үлдэнэ гэсэн үндсэн зарчимтай байсан. Бид харин Японтой хамтрах хувилбарыг барьж байгаа. Энэ ч үүднээс Японы Ерөнхий сайдыг ирэхэд өнгөрсөн зургаан сарын хугацаанд яригдаж байсан аман яриаг бодит ажил болгосон. Үүний үр дүнд япончууд Таван толгой руу орох хүсэл сонирхлоо илэрхийлсэн. Энэ бол М.Энхсайхан сайдын гавьяа биш. Эрдэнэс-Таван толгойн төслийг зүүн чиглэлд Японтой хамтрах тухай хувилбар гаргаж ирсэн нь манай багийн гавьяа гэж харж байна.

-Төмөр зам барих асуудал ямар түвшинд байгаа вэ. Оросынхтой ижил өргөн царигтай болъё гэхээр геополитикийн хувьд асуудалтай гээд байгаа. Яг ямар асуудалтай юм бэ?

-Төмөр замын тухайд ажил эхэлчихсэн явж байгаа. Урагшаа явах төмөр замыг баригдаж байхад нь зогсоочихсон. Хөндлөн чиглэлийн 480 км төмөр зам барих ажил үргэлжлэх нь гарцаагүй болчихсон. Үүн дээр Японы хөрөнгө оруулалт орж ирэх юм. Урагшаа чиглэлийн төмөр зам дээр Засгийн газар шийдвэрээ гаргах юм. Японы тал орсон ороогүй 51 хувь нь төрийн эзэмшилд байх ёстой. Хоёр төмөр зам баригдах үйл ажиллагааг бид нар 1-1.6 жилийн хугацаанд хийнэ гэсэн төлөвлөгөө тавьж байна. Хөрөнгө мөнгөний асуудал ерөнхийдөө шийдэгдсэн. Төмөр зам барих ажилд 10 мянган цэрэг дайчлахаар болоод ирэх оны төсөвт 24 тэрбум төгрөг суулгасан.

Categories
мэдээ цаг-үе

М.Даваажаргал: Аварга хүн унах эрхгүй байдаг юм

Өдгөөгөөс нэг жилийн өмнө манай сонины сэтгүүлч Э.Алтанцэцэг Япон улсад томилолтоор ажиллаж, мэргэжлийн сумод барилдаж, ид хаваа гайхуулж яваа алдартай сумочидтой цуврал ярилцлага хийн хүргэж байсан билээ. Тэдгээрийн нэг болох Мэргэжлийн сумогийн дээд амжилтыг эвдэж, Гиннесийн номд алдраа бичүүлээд буй их аварга Хакухо М.Даваажаргалын ярилцлагыг эргэн хүргэж байна.

Япончууд дэндүү уужим сэтгэлтэй, агуу ард түмэн юм. Үндэснийх нь спортоор амжилт гаргаад, хамгийн өндөр цолонд хүрсэн гадны бөхийг өөриймсөг хүлээж авдагт нь заримдаа гайхдаг шүү?

-Үнэхээр агуу ард түмэн. Долоо найман жилийн өмнө л япон хүн түрүүллээ шүү дээ. Одоо япон аваргатай болохыг хүсэж байна. Энэ бол ямар ч улс оронд байх асуудал. Өөрсдийн хүсээд байгаа аваргаа төрүүлье гэх хүсэл байвч найраа ч юмуу ямар нэгэн буруу арга байхгүй учраас хүчээр аваргатай болох боломжгүй. Би хэдэн жилийн өмнө нэг эмчтэй танилцаж байлаа. Тэр хүн надад “Аварга та яагаад ийм их хүчтэйгээ мэдэж байна уу” гэж асууж байна. Яаж байна л гэчихлээ. Тэгсэн чинь “Таны багадаа идэж байсан хоол ундтай чинь холбоотой. 1945 оноос өмнө буюу дайны өмнө идэж байсан хоол гэж байдаг. Тэрнээс хойшхи нь тэр үеийн хоолны чанарыг гүйцэхгүй. Тэгэхээр та одоогийн идэж байгаа хоолтойгоо Фүтагаяама аваргатай барилдвал ялагдана. Багадаа идэж байсан хоол чинь сайн болохоор одоо та ийм хүчтэй байгаа юм” гэж хэлсэн. Энийг би үнэн үг гэж боддог шүү. Нээрээ л би багадаа зуны амралтын гурван сарыг Эрдэнэсантад өнгөрүүлдэг байлаа. Хөдөөний хүүхэд юу хийх ёстой байдаг, тэр бүхнийг хийдэг. Адуу малаа усална, хонь ямаандаа явна, унага татна, ус зөөнө, аргал түүнэ, үхэр тугал ивэлгэнэ гээд ажил ихтэй. Өдөржингөө айраг ууж байгаад оройдоо ганцхан удаа л хоол иддэг байсан. Гэртээ байхдаа хөргөгчөө онгойлгоод л хоол иддэг байсан бол хөдөө тийм биш. Өлсч үзсэн хүн юманд хүрдэг юм болов уу гэж боддог. Бас морь унах дуртай. Байгальтай ойр ахуй амьдрал уужуу сэтгэл, саруул ухааныг тодорхой хэмжээгээр өгдөг нь гарцаагүй. Тэгэхээр миний амжилт хоол унд, агаар, ус, амьдралын хэв маягтай салшгүй холбоотой болж таарч байгаа юм. Зарим хүн намайг япон хүнээс илүү япон гэдэг. Яагаад ингэж хэлдэг юм бэ гээд асуухаар “Эх орноо хайрласан хүн бусдын эх орныг хайрлаж чаддаг” гэж хэлдэг. Яг л тийм байдаг.

Таныг их аварга хүний барилдаанаар барилдаж эхэлж байгаа гэж байсан. Сайн барилдаж байгааг хэлээгүй байх. Ямар барилдааныг ингэж хэлдэг юм бэ?

-Жинхэнэ ёкозунагийн барилдаан гэж байдаг л даа. Тэр нь өрсөлдөгч бөхийгөө барьц авахыг хүлээж байгаад дараа нь барилдахыг хэлж байгаа юм. Дээхнэ үеийн аваргуудын барилдааны бичлэгийг үзээд сууж байхад дандаа өрсөлдөгчөө тосож барилдаж байгаа харагддаг. Ийм барилдаан дараа, эхлэл гэсэн хоёр ханзаар илэрхийлэгддэг. Сүүлдэж босоод, төгсгөл дээр нь эхлэл шиг барьцаа авч барилдахыг хэлж байгаа юм. Ингэж барилдахад сэтгэлийн асар их тэнхээ шаардана. Сумогоор барилдаж байгаа хүмүүсээс надад энэ талаар зөвлөх хүн байхгүй л дээ. Тиймээс жүдо болон бусад спортын төрлийн аваргуудтай санал бодлоо хуваалцдаг юм. Тэгээд бодоод байхаар миний зодог тайлах хугацаа жинхэнэ ёкозунагийн барилдааныг бүрэн төгс мэдэрсэн хойно ирэх байх.

Та сүүлийн хэдэн башёд ийм барилдаан хийв үү?

-Нэг тэмцээнд 15 өдөр барилдаж байгаа. 15 өдрийн барилдаанд сайндаа л хоёр, гурван өдөр ийм барилдаан гаргаж байна. Хамгийн сүүлд гэхэд есдүгээр сарын тэмцээний үеэр Кисэносатотой барилдахад яг ингэж барилдсан. Бүр төгс болсон нь 2012 оны нэгдүгээр сарын башёгийн эхний өдрийн барилдаан. Шохозан яг дайраад ирэхэд нь тосож зогсож байгаад барьц авсан хойно нь хөдөлсөн. Шохозан нэг мэдэхэд дэвжээнээс гарчихсан байсан. Гэхдээ ингэж барилдана гэдэг явдалтай л даа. Үгээр ойлгуулахад амар биш байна. Сэтгэл санааны нэг тийм торгон мэдрэмжийг ойлгуулах ёстой болчихоод байна.

Гэхдээ танд ерөнхийдөө ингэж барилдах ёстой гэх бодол төрчихсөн юм шиг ээ?

-Одоохондоо өөрийгөө хараахан бэлэн болоогүй гэж бодоод байгаа. Эвдэж чадаагүй дээд амжилтууд байгаа шүү дээ. Тэр өндөрлөг рүү зорьё. Ямар ч байсан эхлээд хийх ёстой зүйлээ бүгдийг нь хийчихье. Чадахаа хүртэл явъя. Тэгсэн хойноо энэ мундаг барилдаан руу сэтгэл санаагаараа бүрэн төгс оръё. Өчүүхэн төдий л зөрөхөд дэвжээнээс гарчих аюултай. Миний таньдаг нэг хүн байлаа. Тэр хүн намайг харах бүртээ “Чи Фүтагаяма аваргатай их төстэй” гэж хэлнэ. Би тэгэхэд дөнгөж хорьтой байсан байх. Тийм хүний нэр ч сонсч байгаагүй болохоор өвөө одоо юу яриад байгаа юм бол гэж боддог байлаа. Сүүлд тэр аваргын бичлэгийг үзээд үнэхээр их биширсэн. Барилдахын өмнөх царай нь барилдах хүний царай биш байгаа байхгүй юу. Яаж тийм царай гаргадаг юм бүү мэд. Харахад яг л үхэл рүүгээ явж байгаа хүнийх гэмээр. Аварга хүн унах эрхгүй байдаг юм. Унана гэдэг үхэж байгаатай адил. Яг л тийм царайг гаргадаг байсан юм билээ. Бас барилдааныг нь ажиглахаар надтай ойрхон. Баруун золгоод дайрч, тонгорч байгаа нь ерөнхийдөө миний барилдаантай төстэй.

Барилдахын өмнөх царай гэснээс хэдэн жилийн өмнө таны нүүрнээс ямар нэгэн сэтгэл хөдлөл мэдрэгддэггүй байсан. Харин сүүлийн үед бага зэргийн сэтгэл хөдлөлтэй болсон санагддаг юм. Ялангуяа таны нүд?

-Би багадаа хөдөө явдаг л байсан. Гэхдээ ганц ч удаа чоно харж байгаагүй юм. 2004 онд дээд зиндаанд гарч барилдаад удаагүй байсан үе. Долдугаар сарын тэмцээнээ дуусгачихаад эх орон руугаа амрахаар явсан. “Их хурд” очиж үзэж байлаа. Шарга азарга түрүүлдэг жил шүү дээ. Тэгээд хот руу буцах гээд Эрдэнэсант өнгөрөөд явж байтал нэг чонотой таарсан юм. Яг хар зам дээр цав цагаан чоно. Аав ард суучихсан, би жолоочийн хажууд сууж явсан юм. Өмнө нь чоно харж байгаагүй болохоор зам дээр буруу харсан цав цагаан юмыг хонь юм байх гэж бодлоо. Тэгээд замын хоёр тал руу хартал сүрэг нь байдаггүй. Жаахан ойрттол сүүл урт байхаар нь нохой байна л гэж бодсон. Харин бүр ойрттол яг эргээд харсан. Пээ тэр нүдийг нь ээ. Нүд нь ногоон ч гэх юмуу, цэнхэр ч гэх юм уу. Чи хаанаас ч ирсэн би чамайг яаж ч чадна шүү дээ гэсэн харц.

Чоно уг нь хүний нүд рүү эгцэлж хардаггүй гэдэг?

-Харц тулгараад бараг гурав, дөрвөн хором над руу ширтсэн. Хамаг биеийн үс босоод бие арзасхийсэн дээ. Тэр чонын харц одоог хүртэл нүдэнд харагддаг юм.

Их сонин тохиолдол бай­на. Харанхуй шөнө бай­сан юм уу. Чоно уг нь машины дуу чимээгээр зугтаад алга болмоор юм даа?

-Дөнгөж нар жаргаад бүрэнхий болж байсан цаг шүү дээ. Аав аль хэдийнэ машинаас буугаад зогсчихсон, би юун машинаас буух манатай. Тэрнээс хойш хүний нүд бүхнийг илэрхийлдэг юм байна гэж ойлгодог болсон доо. Нүдэндээ галтай гэж ярьдаг нь дэндүү үнэн үг гэдгийг ухаарсан. Сүүлийн хэдэн тэмцээнд тэгж харагдаж байгаа нь тэр чононоос үүдэлтэй. Гэхдээ ингэж сэтгэл хөдлөлөө ил гаргадаг болсноос хойш хэд хэдэн удаа сануулга авчихсан. Тэрунофужиг дэвжээнээс гарчихаад байхад нь түлхсэн, бооцоогоо авахдаа ширүүн байна гэх шүүмж ирээд байгаа.

Чоно гэснээс та нэг хэсэг Японы чоныг хамгаална, Японд чоно авчирна гэж яриад байсан. Тэр юу болсон бэ?

-Гамшиг болсны дараахан нэг башё зохиогдоогүй. Тэр үед жаахан зав гарахаар нь “Чонон сүлд” олоод уншчихгүй юу. Зургаан сарын турш уншсан. Ийм ном уншиж байгаа тухай Японы хэд хэдэн хэвлэлээр мэдээлсэн юм. Тэгсэн нэг өглөө бэлтгэл дээр тав зургаан хүн хүрээд ирлээ. Японы чонын холбооныхон гэнэ. 100 гаруй жилийн өмнөөс чоно устсан, чоногүй болчихоор буга өсөж үржээд ямар ч модгүй болж байгаа тухай ярьсан. Харьцуулсан хоёр зураг аваад ирэхийг нь хартал үнэндээ сэтгэл өвдмөөр байгаа юм чинь. Маш гоё модтой уул арван жилийн дараа солир унасан мэт болчихдог юм байна. Худлаа зураг юм биш үү гэж хэлтэл тийм өөр болчихсон нь үнэн гэнэ. Буга модны холтсыг юу ч үгүй идчихдэг юм байна л даа. Чонын холбооныхон гамшиг болсны дараахан ирсэн болохоортэдний ажлыг дэмжээд зохион байгуулж буй үйл ажиллагаанд нь оролцоод үг хэлсэн юм. Чоно Японд жаахан нэр муутай шүү дээ. Тэгэхээр нь би “Монголчууд бид Бөртэ чоно, Гуа Маралын үр удам” гэж ирээд үг хэлсэн юм. Тэгсэн холбооны хүн надад хэлж байна. Аваргын гэргий Токушима аймгийнх. Тэнд лууны нэртэй сүм байдаг. Луу бодит амьтан биш ч гэлээ тал дээр давхиж буй чонын хөдөлгөөнөөс улбаалж лууг зурсан. Аварга та Токушима аймагтай ямар нэгэн холбоотой байсан байж таараа гэж ярьж байсан.

Таны эхнэр, хүүхэд сайн уу. Гэргий тань юу хийдэг вэ. Хүүхдүүд хэдэн настай вэ?

-Гурван хүүхэдтэй болсон. Хоёр охин, нэг хүүтэй. Том нь долоо, дундахь нь зургаа, бага нь гуравтай. Эхнэр өнгөрсөн хэдэн жил хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт оруулах гээд хэсэг маш завгүй байсан. Японд хүүхдийг сургууль, цэцэрлэгт оруулна гэдэг тун асуудалтай байдаг юм байна. Харьяа цэцэрлэгт нь өгчихөж болохгүй. Бэлдэж, шалгалт өгч байж ордог. Тэр шалгалтад хүүхдээ тэнцүүлэх гэж ээж нь сөхөрч унахаа шахсан.

Нэгдүгээр анги, цэцэрлэгт оруулахын тулд шалгалт өгдөг гэж үү. Хувийн сургууль уу?

-Японы10 мянган иений мөнгөн дэвсгэрт дээр Фукузава Юүкичи гэдэг хүний зураг бий. Тэр хүний байгуулсан сургуульд хоёр томоо оруулсан. Надад тэр сургуулийн уриа их таалагдсан юм. “Биеийн чийрэгжилт, хичээл хоёрыг хослуулах ёстой” гэсэн байдаг. Сургуульд орохыг нь дэмжиж байсан, бас тэнцэхэд нь их баярласан. Жилдээ 90 хүүхэд л авдаг юм билээ. Тэр сургуулийн тухай манай гэргий их гоё тайлбарлаж өгсөн. “Энэ сургуулийн шалгалтад тэнцэнэ гэдэг 20 давхраас нүдний эм дусаахад нүдэнд нь орж байгаатай адил” гэж хэлсэн. Ингээд бодохоор хэцүү юм шиг байгаа юм.

Их аваргын хүүхдийг шалгалтгүйгээр шууд авна гэж байхгүй юу?

-Японд ёстой тийм юм байхгүй. Аав ээж нь хэн байна гэдэг тухайн сургуульд огт хамаагүй. Шалгалт нь хоёр шаттай юм байна лээ. Эхний шалгалтад гурав, дөрвөн мянган хүүхэд ороход том охин нэгдүгээрт жагссан. Тэгэхээр нь бас бодоод байгаа юм. Цус холдохоор ухаан сайжирдаг юм байна гэж. Хүү эгчийгээ бодвол удаан, хөдөлгөөн муутай. Тэгсэн бас тэнцчихсэн. Хамгийн бага нь ээжийнхээ явж байсан Японы эзэн хааны цэцэрлэгт явж байгаа.

Цэцэрлэг бас шалгалт авах уу?

-Тэгнэ. Зураг зуруулна. Хоол ундаа яаж идэж байна, бусад айлын хүүхэдтэй харьцаж байгаа харилцаа гэхчлэн олон зүйлийг анхаар­даг. Тавагтай чихрээс атгаад авч байвал шалгалтад унана. Ганцыг л авах ёстой гэдэг юм байна. Багыгаа цэцэрлэгт тэнцэхэд ээж нь магнайгаа хагартал баярласан байх. Өөрөө уг нь эзэн хааны сургуульд сурч байсан юм шүү дээ. Дундаасаа надтай нийлээд замхруулчихсан болохоос биш. Тэр мөрөөдлийг нь биелүүлж цэцэрлэгт тэнцсэн болохоор сэтгэл нь нэлээд хөдөлсөн. Цэцэрлэгээсээ сургуульд нь шууд орох боломжтой байдаг гэсэн.

Та сургууль дээр нь очдог уу. Хүүхдийн эцэг эхийн хурал дээр ч юм уу?

-Хичээлийн шинэ жилийн нээлтээр нь очсон. Харин эхний өдрөө охин маань өвдгөө шалбалсан ирэхийг хараад битүүхэндээ баярлаж л суулаа. Хичээлээр нүдчихдэг байх гэж айж байсан чинь хүүхдийг хүүхэд хэвээр нь сургадаг бололтой.

Хүүхдүүддээ ямар нэр өгсөн бэ?

-Том охиныг Юнрэнцоо гэдэг. Хүүдээ Мөнхжаргал гэж нэр өгсөн. Өвөөгийнх нь Мөнхийг аваад өөрийнхөө нэрний Жаргалыг залгаад ийн нэрлэсэн. Багыг нь Маяа гэдэг.

Монголоор ярина биз дээ?

-Хоёр том нь ярина. Бага нь сайн ярихгүй. Хүүхдүүдтэйгээ ер нь монголоор л ярьдаг юм.

Монгол руу дагуулж явж байна уу?

-Ер нь зун болгон авч явдаг. Энэ зун харин шалгалтад бэлдээд яваагүй. Одоо сургууль, цэцэрлэгт орчихсон болохоор ээж нь ч завтай болж байгаа. Ирэх зун гэр бүлээрээ Монгол руугаа явна гэж яриад л байна.

Хүүгээ бөхөөр хичээл­лүүлж байна уу. Удам зал­гасан аварга болох болов уу?

-Өвөө, аав, хүү гээд гурван үеийн аварга байгаасай гэж мөрөөдөөд л байгаа. Ер нь бөхөд дуртай. Гэртээ эгчтэйгээ барилдана. Өмнө нь эгчийгээ бардаггүй байсан бол саяхнаас давдаг болсон байна лээ. Зүрх сэтгэл нь байгаад, дуртай бол барилдах байх. Би чинь багадаа тэгтлээ их бөх сонирхохгүй, сагсан бөмбөг тоглоод явж байдаг байсан.

Аав, ээжтэйгээ утсаар ярьж байна уу?

-Энд манай төрсөн эгч байдаг юм. Тийм болохоор миний тухай, юу хийж яаж байгааг аав ээжид утсаар хэлчихнэ. Би башёгийн өмнө, дундуур, дуусгаад гээд ярина л даа. Гэхдээ өдөр болгон яриад байж чадахгүй. Гурав, дөрөв хоноод холбогдоно.

Та бэйсбол тоглодог. Одоо тоглож байна уу. Ер нь чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Сонирхож л байна. Яг тоглох зав гарахгүй юм. Монголын бэйсболын холбооны хүндэт ерөнхийлөгчийн албан тушаалтай. Тэрэнтэй холбоотой мөрөөдөл бий. 2020 оны Токиогийн олимпод бэйсбол орно. Тэр үед Монголынхоо тамирчидтай хамт зогсож баймаар байна. Бас л гоё шүү дээ. Хааяа чөлөөт цаг гарахаараа гольф тоглодог. Зун Монголд очихоороо бас тоглоно. Ер нь амархан харагдаж байгаа зүйл хэцүү байдаг. Хүний нүдэнд сумогоор барилдах амар байж магадгүй. Гэтэл тийм биш. Аав тэрийг их гоё хэлж байгаа юм. “Муусайн юмнуудын барилдаж байгааг харахаар амархан юм шиг мөртлөө яггүй зүйл. Ер нь барилдана гэдэг лайны ажил шүү дээ” гэнэ.

Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Их л завгүй байх юм. Бас хаа сайгүй хэвлэл мэдээллийнхэн дагадаг юм байна?

-Өглөө босоод бэлтгэлээ хийнэ. 11 хүртэл бэлтгэлтэй байдаг юм. Башё дуусгаад долоо хоног амардаг. Гэхдээ л энд тэнд урилгаар очсоор байгаад амрах цаг гарахгүй. Башёгийн өмнө үндсэн бэлтгэлдээ ордог. Сар гаруйн хугацаанд үндсэн бэлтгэлээ хийнэ. Бусад дэвжээнд очиж хамтарч бэлтгэлд гарах тохиолдол ч их. Бэлтгэлийн дараа хоолоо иднэ. Тэгээд энд тэндхийн арга хэмжээнд очиж оролцсоор байгаад оройдоо л харьдаг юм. Бас тойргийн барилдаануудтай. Одоо шинэ жил дөхсөн болохоор арга хэмжээ ихтэй. Тэр болгонд хэвлэл мэдээллийнхэн дагана. Хэвлэлүүд Сумогийн холбооноос албан ёсны зөвшөөрөл авдаг болохоор байнга л дагаад явна.

Хэдэн туслахтай вэ?

-Арван хүн байна. Тэднээс гадна үс самнадаг, хоол хийдэг хүн гэж тусдаа. Хааяа Монгол руугаа явахаар хүргэн ахаараа үсээ самнуулчихдаг юм. Их нарийн дэг жаягтай болохоор өөрөө самнаж чадахгүй л дээ.

Энэ жилийн шилдэг тамирчнаар шалгарч байгаа гэсэн. Оны шилдгийн шагналыг олон удаа авч байсан байх. Харин төр засгаас нь шагнуулж байв уу?

-Хамгийн том шагнал гэвэл “Ард түмний баатар” болж байлаа. Сумогийн ертөнцөөс хамгийн сүүлд авч байсан хүн нь домогт Тайхо аварга. Удаах нь би авч байна.

Ярилцсанд баярлалаа. Танд спортын өндөр амжилт хүсье.

-За баярлалаа. Цаг зав тун шахуу байгаа ч гэлээ Монголоос зориод ирсэн “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөндөө баяртай байна.Би чинь энд өдөр болгон Японы хэвлэлд ярилцлага өгнө. Намайг дагаж яваад байнга бичлэг хийж нэвтрүүлэг хийдэг хүн ч байгаа. Харин өнөөдөр Монголынхоо хэвлэлд ярилц­лага өгөх сайхан байна.

Categories
мэдээ спорт

Энэ жилийн өндөр чансаатай азарга, их насны морьдыг тодруулжээ

Монголын морин спорт, уяачдын холбооноос жил бүр чансаа өндөр азарга, их насны морьдыг оны төгсгөлд тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн өндөр чансаатай морьдыг хэний, ямар хүлэг тэргүүлснийг танилцуулж байна.

1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Аймгийн алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун. Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын айргийн дөрөв, “Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдааны түрүү, “Зүүн бүсийн хурд-2015” уралдааны түрүү, ММСУХ-ны 20 жилийн ойн уралдааны айргийн гуравт хурдалжээ.

2. Ховд аймгийн Мянгад сумын уугуул, Загджавын Мэндсайханы хээр. Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын айргийн тав, “Зүүн бүсийн хурд-2015” уралдааны айргийн гурав, ММСУХ-ны 20 жилийн ойн уралдааны айргийн дөрөвт хурдалжээ.

3. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Монгол Улсын манлай уяач Ононгийн Батбилэгийн янзага зээрд. Үндэсний их баяр наадам,Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын айргийн гурав, “ММСУХ-ны 20 жилийн ойн уралдаанд түрүүлжээ.

4. Завхан аймгийн Яруу сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн шөвгөр зээрд. “Говь-Шанх-V” говийн бүсийн уралдааны түрүү, ММСУХ-ны 20 жилийн ойн уралдааны аман хүзүү.

5. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Шаравжамцын Бадамжунайн хүрэн халзан. Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Бат оршил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны түрүү, “Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдааны айргийн гуравт хурдалжээ.

6. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн Өсгий цагаан халтар. “Үндэсний их баяр наадам,Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын түрүү.

7. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Төмөртогоогийн Батмөнхийн дүүрэн хээр. “Хутагтын хурд-2015” Говийн хаврын бүсийн уралдааны айргийн тав, “Говь-Шанх-V” говийн бүсийн уралдааны айргийн гуравт хурдалжээ.

8. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн алдарт уяач Баатаржавын Өнөрбаяны молом хээр. Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Бат оршил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны айргийн тав, “ММСУХ-ны 20 жилийн ойн уралдааны айргийн тавд хурдалжээ.

9. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн уяач Ононгийн Батболдын хээр. Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын аман хүзүү.

10. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Буянбатын Галбаатарын хар. Увс аймгийн 90 жил “Увс-хурд-2015” баруун бүсийн уралдааны түрүү.

Монголын морин спорт, уяачдын холбооны 2015 оны өндөр чансаатай их насны морьд

1.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Намсрайжавын Зоригтын хул. “Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдааны аман хүзүү, “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны айргийн дөрөв, ММСУХ-ны 20 жилийн ойн уралдааны айргийн тавд хурдалжээ.

2.Төв аймгийн Баян сумын уугуул Хэнгэргийн Цогтсайханы цавьдар халзан. Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Бат оршил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны түрүү, ММСУХ-ны 20 жилийн ойн уралдааны түрүү.

3.Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын шарга. Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын айргийн гурав, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Бат оршил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны айргийн тав.

4.Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийн халтар. Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын айргийн дөрөв, “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны айргийн тавд хурдалжээ.

5.Ховд аймгийн Мөст сумын уугуул Монгол Улсын манлай уяач Буднямын Буяннэмэхийн хээр халзан. Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын түрүү.

6.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Очирбатын Чимэддоржийн хул. “Говь-Шанх-V” говийн бүсийн уралдааны айргийн тав, ММСУХ-ны 20 жилийн ойн уралдааны аман хүзүү

7.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Дуламсүрэнгийн Төртогтохын халиун. “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны айргийн дөрөв, ММСУХ-ны 20 жилийн ойн уралдааны айргийн гуравт хурдалжээ.

8.Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн өсгий цагаан зээрд. Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын аман хүзүү.

9.Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, Алтангэрэлийн Батбаатарын саарал. Үндэсний их баяр наадам,Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын айргийн тавд хурдалжээ.

10. Төв аймгийн Баян сумын уугуул, Хэнгэргийн Цогтсайханы хар. “Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдааны түрүү.



Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын тусгаар тогтнол ба 1911 оны хувьсгал

Өнөөдөр Үндэсний эрх чөлөөний өдөр. 104 жилийн өмнөх энэ өдөр манай улс бүрэн утгаараа тусгаар тогтносноо дэлхий дахинд албан ёсоор зарлаж байлаа. Тэмдэглэлт уг өдрийг угтаж түүхийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт түүхч О.Батсайхан Иргэний танхимд “Монголын тусгаар тогтнол ба Богд хаан” сэдэвт илтгэл тавьсан юм.

ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭЖ, ТӨР УЛСАА ЭМХЛЭН БАЙГУУЛАВ

1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр монголчууд манж гүрний эрхшээлээс салж 200 гаруй жилийн дараа бие даан тусгаар тогтносноо дэлхий дахинд албан ёсоор тунхаглан зарласан. Мөн өдрийн морин цагт өлзий учрал бүрдсэн бурханы шашны тэргүүн Богдыг Монгол Улсын эзэн хаанд өргөмжлөх төрийн их ёслолд Монголын хан, ван, гүн зэрэг ноёд, лам хувраг, хүрээнд сууж байсан гадаадынхан зэрэг олон хүн оролцжээ. Ноёдоосоо эгэл ардаа хүртэл магнай тэнийтэл баярласан эл түүхэн баярт үйл явдал өглөөнөөс орой нар шингэх хүртэл үргэлжилж, ёслолд оролцсон хийгээд сэтгэл санаа нэгтэй монголчууд цэнгэлийн манлай эдэлсэн байдаг. Богд гэгээн Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөгдөөд буулгасан анхны зарлигаараа Монгол Улсын Засгийн газрыг таван яамтай эмхлэн байгуулжээ. Улмаар тулгар төр байгуулах хэрэгт үнэнхүү сэтгэлээр зүтгэсэн Да лам Г.Цэрэнчимэд, Чин ван М.Ханддорж, гүн Намсрай, бэйс Гомбосүрэн, түшээ гүн Чагдаржав нарыг яамдын сайдаар тохоон тавьж, 60-70 настан бүрт гурван лан, 80-90 настан бүрт зургаан лан, 90-100 настанд есөн лангийн хишиг хүртээжээ..

Мөн шоронд хоригдсон бүх хоригдлыг сулласан байна. Ийнхүү эзэн Чингисийн байгуулсан Их Монголын гал голомт сэргэж, Ази тивд Монгол Улсын шинэ түүх эхэлжээ. Энэ өдрөөс хойш Богд хааны зарлигаар монголчууд үндэсний хувцас өмсөж, харийн бүх зүйлийг хэрэггүй гэж үзэв. Монголын төрийн тамга, төрийн бүхий л зүйлс заавал монгол бичгээр бичигдэхийг зарлигдсан байна. Богд хааны тамганд зөвхөн монгол бичиг хэрэглэхийн зэрэгцээ хааны хувцас, төрийн түшмэдийн өмссөн зүүсэн бүхэн монгол байхыг зарлиг буулгажээ. Түүнчлэн алтан ургийн хэлхээ тасраагүй явж ирснийг түүх шастирт бич хэмээн зарлиг буулгав. Богдын зарлигаар бүтээсэн ноёдын уг шастир Эзэн Чингисээс ХХ зууны хориод он хүртэл хэдэн үе дамжин ирснийг шастирт буулгаж үлдээжээ.

БОГД ХААН

VIII Богд Жавзундамба тавхан настайдаа эцэг эх, ах дүүсийн хамт Хүрээнд иpснээс хойш түүний бүхий л амьдpал Монголын түүхтэй нягт холбогдсон юм. Богдыг багаас нь төвд, монгол хэл бичиг, шашин болон дорно дахины ёс заншилд шавдуулан сургаж, монгол язгууртны жишгээр өсгөжээ. Тэрээр бага наснаасаа л хүүхдүүдтэй тоглон, монгол айлд хонож өнжин, монгол ахуй зан заншил дунд идээшин өссөн бөгөөд багадаа унаж байсан ямааны эмээл нь эдүгээ Богд хааны музейд хадгалагдсаар буй. Богд багадаа ээжтэйгээ хоёул аж төрдөг ядмагхан амьдралтай Мөрлэгцэг хэмээх хүүтэй ихэд дотно үерхэн, ядуу амьдралд нь тус дэм үзүүлэн өвөлдөө гэрийг нь давхарлуулан дулаалж өгч, Ганданд байшин бариулж байсан гэдэг. Эрийн цээнд хүрсэн хойноо ч Богд бага насны нөхөрлөлөө дурсан, найзыгаа бүхий л талаар дэмжиж байсан ч Мөрлөгцэг тусыг усаар хариулах гээч болж байсан гэдэг. Богд гэгээн нэлээд чөлөөт үзэл бодолтой, хэн нэгнээс хараат бус амьдрал зохион, бие даан шийдвэр гаргах чадвартай гэгээнтэн-залуу язгууртан болон төлөвшиж, залуу насандаа орос, хятад болон бусад гадаадын худалдаачдын авчирсан үнэт зүйлсээс гар татахгүй авч, сүүлдээ Европ, Америкт дөнгөж худалдаанд гарсан машин, мотоцикль хүртэл хэд хэдийг авчран Монголын хээр талд хурдлуулж байжээ. Түүний энэ байдлыг зарим талаар хэтэрхий үрэлгэн зан гаргаж байна, ёс бус хүмүүст уруу татагдах вий хэмээн багш нар нь сэрэмжлэн монгол эхнэртэй болгохоор идэвхтэй оролдож байсан байдаг. Богд Сэцэн хан аймгийн Жонон ван Цогбадрахын хошууны Цэндийн охин Дондогдуламыг хатнаар өргөмжлүүлсэн байна. Богд гэгээн Дондогдуламтай сууснаас хойш үрэлгэн зангаа орхиж, бүхий л сэтгэл зүрхээ Монгол дахь бурханы шашны хөгжил хийгээд монголчуудын үндэсний тэмцлийн төлөөх үйлсэд зориулах болсон байна.

Богд хаан хэд хэдэн хүүхдийг үрчлэн авч өсгөн бойжуулсны дотор Монгол Улсын төрийн дуулал зохиосон, алдарт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Монгол Улсын Ерөнхий сайд байсан М.Энхсайханы эхнэр Шүрэнцэцэгийн аав Эрэнжав нар багтаж байв. VIII Богд Монголд шарын шашныг тэргүүлж байсан Богдуудаас ганцаараа гавж цолтой хүн байсан бөгөөд гавжийн дамжаа барихын тулд тус бүр 700 гаруй хуудас таван дэвтэр номыг цээжилж байжээ. Төвд гаралтай байсан ч Богд гэгээнтэн Монгол Улсын шашны тэргүүний хувиар ч, энэ л нутагт өсч торнин ээнэгшин дассан хувь хүний хувиар ч Монгол Улсын тусгаар тогтнох үйл явцад жинтэй хувь нэмэр оруулсан гавьяатан юм. 1911 оны долдугаар сард ноёдын нууц зөвлөгөөн Богд гэгээний “Цаг болов” хэмээн зарлигдсан ёсоор болжээ. Тус зөвлөгөөнөөс Түр засгийн газрыг нууцаар байгуулж, Орос улсаас тусламж эрэх төлөөлөгчид явуулах, цэрэг, зэвсэг, мөнгө санхүү бэлдэх зэрэг олон ажлыг төлөвлөж, Орос явах элчид Чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд, түшмэл Хайсан нарыг томилжээ. Энэ үеийн бүхий л асуудлыг зохицуулж, үндэсний тэмцэл өрнүүлэхэд Богд гэгээнтэй хамгийн ойр байж, хамтарсан ноёд нь Сайн ноён Намнансүрэн, Түшээ гүн Чагдаржав хоёр байлаа. 1911 оны аравдугаар сарын 21-нд Хүрээнд ирсэн Добданов В.Котвичид бичсэн захидалдаа Монголын улс төрийн байдлын тухай “Халхын амьдралын ирээдүйн бүх боломж ганцхан Богд хааны гарт байна” хэмээж байлаа.

МОНГОЛ ОВОГТНОО НЭГТГЭХИЙН ТӨЛӨӨ

Богд Жавзундамба хутагт хаан сэpгээн мандуулсан Монголын төpийн тусгааp тогтнолдоо нийт монголчуудыг хамpуулахыг зоpьж, хааны зарлигаар дотоод, гадаад олон монгол нэгдэж, нэгэн улс гэрээ төвхнүүлэхийг уриалахад Өмнөд Монголын 49 хошууны 38 нь Монгол Улсад дагаар орохоо илэрхийлсэн байдаг. Магсар хурцын бичсэнээр тусгаар тогтнолоо тунхаглан зарласан Монгол Улсад дагаар орохоор илэрхийлсэн Өмнөд монгол, барга, урианхай гээд олон монголчуудын хошууны тоо 100 давсан буй. Богдын засгийн газарт Өмнөд Монголын Удай ноён, Хайсан гүн, Баргын Манлай ван Дамдинсүрэн, гүн Цэнд нарын олон хүн дэд сайд хүртэл алба хашиж байсан байдаг.

ГАДААДЫНХАН БОГДЫН ТУХАЙ

Богд эзэн хаан лугаа уулзсан Оросын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч И.Я.Коростовец түүнийг “эзэн хаан” хэмээн нэрлэж, бүхий л асуудлаар өөрийн гэсэн үзэл бодолтой болохыг нэг бус удаа илэрхийлсэн байдаг. Тухайлбал, 1912 онд Орос, Монголын хооронд Найрамдлын гэрээ байгуулахад Богд хаан Засгийн газрын гишүүддээ Орос улстай найрамдал тогтоох учиртай талаар бүр тодорхой үүрэг өгч, уг гэрээнд гарын үсэг зурахыг зарлигдсан байдаг. Богд хаан Оросын эзэн хаан, Японы эзэн хаанд өөрийн нэрээр захидал хүргүүлж, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх хийгээд Өмнөд Монголчуудын талаар санаа зовниж буйгаа илэрхийлсэн байдаг.

Шашны тэргүүн, төр улсын эзэн хаан гээд бодвол эгэл хүний амьдралаас арай өөр ордны тодорхой ёс дэглэмтэй орчинд өсч торнисон Богд бээр бүхий л монголчуудын хүндлэлийг хүлээсэн нэгэн байв. Түүнтэй уулзах нь бүү хэл дүрийг нь харахад ч сүлд хийморь сэргэнэ хэмээн монголчууд сүслэн дээдэлж байсан юм. Богдын ордны ёс дэглэм бол маш нарийн зохион байгуулалттай байсан бөгөөд түүнд айлтгах, түүнтэй уулзах нарийн дэг жаяг олон жилийн турш мөрдөгдөж байв. Богдын ордонд суух ноёд, сайд нарын суудал, төрийн болон лам хүмүүсийн өмсөх хувцас хүртэл тодорхой дараалалтай, хэлбэр дүрстэй байхаар хуульчилсан байдаг. Богдын ордны гадаа “буруу үг хэлэв” гээд албан тушаалаасаа огцорсон түшмэл хүртэл байжээ. Богд гэгээн маш ухаантай, номтой хүн байсан бөгөөд ойр, холын ирээдүйг харж, зөгнөсөн, зүүдээрээ илэрхийлсэн нь нэг бус билээ. Тийм л нэгэн баримтыг Богдын нярав байсан Дамдин хэмээхээс бүр хүзүүндээ түлхүүрийг нь зүүж нууж байсан авдраас нь авч ил болгосон юм. Энэ бол Богдын нууц лүндэн гэсэн нэртэй байжээ.

Тухайн үедээ Богд хаанд төрийн бүх сайд, ноёд, бүр Ардын намын дарга цэрэг хүртэл өчиж мөргөдөг байсан нь нууц биш. Богд эзэн хааны хувийн амьдралын талаар “архи уудаг”, “авгай эргүүдэг” ч гэх юм уу иймэрхүү сөрөг мэдээлэл тархаж, коммунизмын үзэл суртлаар бүтээсэн кино, уран зохиол олон хүний тархийг угаасан юм. Энэ бол шулуухан хэлбэл, шашныг үгүй хийхэд чиглэсэн үзэл суртал байв.

Categories
мэдээ цаг-үе

Р.Бурмаа: Шинэ хуулиар сонин хэвлэлтэй гэрээ хийж сурталчилгааны материалаа тавиулж болно

УИХын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай ярилцлаа.

Өнгөрөгч долоо хоногийн УИХын нэгдсэн чуулганаар Сонгуулийн тухай хуулийн төслийг баталлаа. Гол өөрчлөлт, нэмэлтүүд юу байв?

-Өмнө нь сонгуулийн тухай дөрвөн тусдаа хууль байсан. УИХ, аймаг сум дүүргийн, нийслэлийн, ерөнхийлөгчийн гэж дөрвөн тусдаа хуультайгаар сонгуулиа явуулдаг байлаа. Энэ үед сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой асуудал өөр, өөрөөр зохицуулагдаж байсан. Нэр дэвшигчийн жагсаалт гаргах ажиллагаа л гэхэд дөрвөн өөр субьект гаргадаг байх жишээтэй. Нэрсийн жагсаалтан дээр нэрс зөрүүтэй бичигдэх тохиолдол олон гарч байв. Сонгуулийг зохион байгуулж буй хүмүүст нэр томъёо нь ойлгомжгүй байх, өөр өөр хуульд харилцан адилгүй тайлбарласан зэрэг бэрхшээл гардаг байлаа. Харин сонгуулийн нэгдсэн хуульд сонгууль явуулах бүх процессыг маш ойлгомжтойгоор зохицуулж өгсөн. Нэг томъёо ойлгомжгүй байна гэдэг сонгуулийг зохион байгуулж буй хүмүүст хүндрэл үүсгэж улмаар зөрчил бий болгодог байсан юм. Шинэ хуульд тун ойлгомжтой тайлбарлаж өгсөн болохоор хэн нэгэн албан тушаалтнаас хамаарахгүйгээр хуулиа нэг мөр ойлгоно гэсэн үг. Үүгээрээ давуу талтай. Хоёр дахь гол шинэчлэл бол санхүүжилттэй холбоотой асуудал. Сонгуулийн зардал хэтэрхий ихэсч байгаа. Сүүлийн буюу 2012 оны сонгуулийн зардал өмнөх сонгуулийнхаас тав дахин өссөн байдаг. Нэг нэр дэвшигч, намаас гарч буй зардал дөрвөн жилийн хугацаанд тав дахин нэмэгдэнэ гэдэг цаашид зөвхөн мөнгөтэй хүн сонгуульд нэр дэвшдэг гэх ойлголт төрүүлнэ. Улс төрийн намууд ч гэсэн сонгуульд зориулан асар их мөнгө зарцуулахын хэрээр аль нэг хандивлагчаас хараат болж байгаа гэсэн үг. Буцаагаад тэр хандивлагчдадаа төрийн эрх мэдлээ ашиглан давуу тал үүсгэхийг оролдож болзошгүй. Энэ нь өөрөө авлигалын эх үүсвэр болдог. Тиймээс сонгуулийн зардлыг багасгахаар сонгуулийн хуулийг хийсэн. Ер нь ч сонгуулийн нэгдсэн хууль хийхдээ даалгавар өгсөн байдаг юм. Тэр нь сонгуулийн санхүүжилтийг ил тод болгох, зардал багасгах, маргаан гарвал хурдан шуурхай шийдвэрлэх, зөрчилтэй байгаа заалтуудыг зохицуулах тухай. Сонгуулийн зардлын дээд хэмжээг сонгогчдын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээг харгалзан үзсэний дүнд аудитын байгууллагаас тогтооно.

Сонгуулийн нийт хэсгийн хорооны 50 хувьд гар тооллого давхар явуулна гэж байгаа. Энэ тухай тодруулахгүй юу?

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд хяналтын тооллого гэж байдаггүй байсан. 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр хяналтын тооллого хийж байгаагүй. Харин УИХ-ын сонгуулийн дараа буюу орон нутгийн болон ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль гаргахдаа хяналтын тооллоготой болгосон. Одоо бол сонгуулийн тухай нэгдсэн хуульд бүх сонгуульд хяналтын тооллого явуулахаар болсон. Хяналтын тооллогыг намууд зөвшилцсөний дүнд техникийн тооллого гэж нэрлэж байгаа. Сонгуулийн нийт хэсгийн хорооны 50 хүртэлх хувьд санал хураалт болсноос хойш 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ. Санал тоолох автомат машиныхаа үнэн зөв гэдгийг техникийн тооллогоор давхар баталгаажуулах юм.

Хэрэв автомат машин, гар тооллого хоёрын дүн зөрвөл алийг нь баримтлах вэ?

-Сонгуулийн албан ёсны дүн мэдээ бол автомат машиных байна. Харин техникийн тооллогоо нийт хэсгийн хорооны 50 хувиар шалгана гэсэн зохицуулалт орсон. Техникийн тооллого явуулах хороог сугалааны шугамаар явуулна.

Тойргуудын хувьд 2012 оныхтой ижил буюу холимог системээр явуулахаар болсон?

-Хэдэн суудал авснаас хамаарч жагсаалтаар хэдэн хүнийг УИХ-ын гишүүн болгохоо шийднэ гэсэн үг. Өмнөх буюу 2012 оны сонгуулиас ялгаатай нь намын жагсаалтад бичигдсэн 28 хүний нэрсийг сонгогчдод өгнө. Тэр нь юу вэ гэхээр сонгуульд оролцох улс төриийн намуудын нэр дэвшүүлж буй хүмүүсийг харна гэсэн үг. Тухайлбал, би АН-д саналаа өгөх гэж байгаа бол жагсаалтаар гарах хүмүүстэй танилцчихна. Нэг ёсондоо сонгогч олонд намын нэрийн ард хэн хэн байгааг мэдэх эрхийг хангаж өгөх ёстой гэх зохицуулалт орсон. Орон нутгийн сонгуулийн систем 2012 онд мөн л холимог тогтолцоотой байсан. Энэ жилийн тухайд бүгд мажоритар буюу нэрээр сонгогдоно. Намын нэрээр сонгогдох асуудал байхгүй болж байгаа гэсэн үг. Ирэх онд бид УИХ-ын сонгуультай хамт аймаг, нийслэлийн сонгуулиа явуулна. 2016 оны зургадугаар сарын сүүлчийн долоо хоногийн ажлын өдөр байхаар тогтоосон. Гэхдээ тэр өдрийг амралтынх болгох юм. Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сард болно.

Өмнөх сонгуулийн тухай хуультай харьцуулахад боломжийн сайн хуулийн төсөл орж ирсэн гэж байгаа. Цаашид дөрвөн жил тутамд хуулиа өөрчлөхгүй байх боломж хэр бүрдсэн бол?

-УИХ-ын дарга З.Энхболд “Энэ сонгуулийн тухай хуулийг олон жил мөрдөх байдлаар боловсруулаарай” гэх даалгавар өгсөн. Бүтэн гурван жилийн турш Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ажилласан. Маш олон удаа хуралдаж, хэлэлцүүлэг зохион байгуулсны дүнд хуулийн төсөл боловсрууллаа. Маргааны харьяалал, хэн хэрхэн яаж шийдэх вэ гэдгийг маш тодорхой тусгаж өгсөн. Урьд нь маргаан урьдчилан хянан шийдвэрлэх шатандаа хариу өгөхгүй байсаар дарчихдаг байсан бол шинэ хуулиар нарийн зохицуулалт хийж өгсөн байгаа.

Мөн нийт нэр дэвшигчдийн гучаас доошгүй хувьд эмэгтэйчүүд байна гэж заасан. Өмнөх хуульд энэ квот 20 хувь байсан юм. Мөн төрийн үйлчилгээний, болон орон нутгийн, төрийн өмчит компанид ажиллаж буй хүмүүс сонгуульд нэр дэвшихийн тулд албан ажлаа хүлээлгэж өгөх шаардлага тавьдаг байсан. Тэгвэл шинэ хуулиар төрийн захиргааны албан хаагч, төрийн үйлчилгээний, төрийн орон нутгийн өмчит компанийн зөвхөн удирдлагуудын хувьд сонгуулиас зургаан сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой гэж тусгалаа. Харин орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс дөрөвдүгээр сарын 1 гэхэд ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой гэх өөрчлөлт оруулсан.

Сонгуулийн сурталчилгааны хоног, хугацаанд өөрчлөлт орсон уу. Хувийн компанийн эзэмшилд байдаг самбар дээр сурталчилгаа явуулахыг хориглосон гэсэн үү?

-Сурталчилгааны том анонс болон зурагт хуудас байршуулахын тулд ихээхэн хэмжээний зардал гаргадаг байсан. Үүнийг шинэ хуулиар орон нутгийн засаг захиргаанаас тодорхой газруудыг зааж өгөхөөр зохицуулалт хийсэн. Нэг үгээр хэлбэл зам дагуух гэрлийн шонгууд дээр нэр дэвшигчийн зурагт хуудсыг үнэ төлбөргүй байрлуулна гэж заасан.

Мөн нийтийн эзэмшилд байгаа газруудад сурталчилгааны хуудас үнэ төлбөргүй байрлуулна. Уг боломжийг бүх нэр дэвшигчид ижил тэгш олгож байгаа.

Ингэснээр улсын төсвөөс мөнгө гаргахгүй мөртлөө бүх нэр дэвшигчдээс гарах зардлыг багасгасан шийдвэр болсон. Уг хуулиар уулзалт, сонин, телевизийн сурталчилгааг 24 цагийн өмнө зогсоож байгаа. Хувийн компанийн эзэмшилд байдаг самбарууд дээр сурталчилгаа тавиулахгүй. Сонин хэвлэлийн тухайд өдөр тутмын сонин, сэтгүүлд өөрийнхөө сурталчилгааг гаргаж болно. Нэг үгээр хэлбэл, аль нэг сонинтой гэрээ хийж сурталчилгааны материалаа тавиулж болно.

Categories
мэдээ цаг-үе

А.Бакей: Сонгуулийн нийт хэсгийн хорооны 50 хүртэлх хувь дээр гараар давхар тоолно

УИХ-ын гишүүн, Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч А.Бакейтай ярилцлаа.

-Ажлын хэсэг хуралдаж Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр зөвшилцөлд хүрсэн. Ажлын хэсгийн хуралдаанаас ямар асуудлыг шийдсэн бэ?

-УИХ дээр Сонгуулийн тухай хуулийн гурван төсөл орж ирсэн. Өргөн барьж, хэлэлцүүлгийн шатандаа явж буй хоёр хуулийг байнгын хорооны хурал дээр хэлэлцсэн юм. Улмаар орж ирсэн хоёр хуулийн төслийг нэгтгэж хэлэлцэх асуудал дээр санал нийлсэн. Р.Бурмаа нарын өргөн барьсан сонгуулийн тухай хуульд суурилан Су.Батболд нарын хуулийн гол санааг тусгаж зарчмын зөрүүтэй саналыг нэгтгэн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Гурав дахь нь болох О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн хуулийн тухайд ажлын хэсэг дээр анхнаасаа нэгтгэж явъя гэх санал гарсан. Гэхдээ энэ хуулийг өргөн барьсан гишүүдийн дийлэнх нь уг хуулийг тусад нь хэлэлцүүлье гэх саналыг бичгээр гаргасан. Тиймээс өнөөдөр (өчигдөр) уг хуулийн төслийг ажлын хэсэг, байнгын хороогоор хэлэлцээд УИХ-ын чуулган дээр анхны хэлэлцүүлгийг хийе гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Р.Бурмаа, Су.Батболд нарын өргөн барьсан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр олонхийн дэмжлэг авсан зарчмын шинжтэй хэд, хэдэн гол санал бий. Нэгдүгээрт, Р.Бурмаа нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг суурь хууль болгоё. Хоёрдугаарт, томсгосон тойргийг 48 мандаттай, жагсаалтыг 28 мандаттай байх системийг хэвээр хадгалсан холимог системийн тогтолцоотой байя. Гуравдугаарт, УИХ-ын ээлжит сонгуулийг нийслэлийн болон аймгийн ИТХ-ын сонгуультай нэг өдөр хамтад нь зохион байгуулъя. Дөрөвдүгээрт, саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолъё. Сонгуулийн нийт хэсгийн хорооны 50 хүртэлх хувь дээр давхар гараар тоолъё гэж зөвшилцсөн. Нийгэм даяар яригдаж буй санал тоолох машины эргэлзээ, хардалтыг үгүй болгох үүднээс уг саналыг гаргалаа. Мөн Р.Бурмаа нарын өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дээр СЕХ буюу сонгуулийн төв байгууллагын зарим чиг үүрэг, зохион байгуулалт арай өөр маягаар томъёологдож орж ирсэн. Үүнийг одоо мөрдөж буй хуулийн дагуу хэвээр нь байлгах хэрэгтэй гэсэн. Эдгээр зарчмын зөрүүтэй санал дээр санал нийлсэн байгаа. Дээрх дөрвөн санал жижиг мэт боловч хуулийн холбогдох заалтууд дээр суулгахаар нэлээн олон санал болчихож байгаа юм.

-Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль тусдаа болно гэсэн үг үү?

-Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг аравдугаар сард явуулах нь зүйтэй гэж тогтсон. Энэ хооронд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу, үгүй юу гэх асуудал шийдэгдэх байх. УИХ-ын сонгуультай хамт Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой ард нийтийн санал асуулга явуулж магадгүй. Тэр үед сонгогч олон Үндсэн хуулийг ингэж, ингэж өөрчилье гэвэл магадгүй сум, дүүргийн сонгуульд нэр дэвшигчдийг ард түмэн нь шууд сонгодог болно. Тэр үед Үндсэн хуульд дахин өөрчлөлт орж магадгүй учраас сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг тусад нь аравдугаар сард явуулахаар болсон.

-Сонгуулийн нийт хэсгийн хорооны 50 хүртэлх хувь дээр гар тооллого давхар явуулна гэлээ. Хэсгийн хороогоо хэрхэн сонгох вэ?

-Сугалах буюу санамсаргүй хэлбэрээр хэсгийн хороогоо сонгож гар тооллого давхар явуулна. Техникийн тооллого хийх ажлыг СЕХ зохион байгуулна. Гэхдээ сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвслийн болон иргэдийн төлөөлөл оролцож ил тод байдлаар зохион байгуулах ёстой гэх зарчмын санал дэмжигдсэн. Мэдээж хэрэг техникийн тооллого явуулах журмыг СЕХ нарийвчлан боловсруулж батлуулах ёстой.

-Хар машинаар тоолсон саналын дүн гараар тоолсонтой зөрвөл хэрхэн шийдвэрлэх вэ?

-Зөрүү гарах ямар ч үндэслэл байхгүй. Гэхдээ ноцтой хэмжээний зөрүү гарвал хуулийн дагуу холбогдох хууль, хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ.

-Сонгуулийн сурталчилгааны хоног, хугацааг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Сурталчилгаатай холбоотой тусгайлсан зарчмын зөрүүтэй санал гараагүй. Өөрөөр хэлбэл өргөн барьсан хуулийн төсөлд яаж орж ирсэн тэрүүгээрээ явж байгаа. Сурталчилгааг ямар хэлбэрээр, ямар хязгаарлалттай байх вэ гэдгийг зааж өгсөн. Сонин, хэвлэл, радио телевизээр сурталчилгаа явуулах зохих хэмжээний хязгаарлалттай байх ёстой. Р.Бурмаа нарын өргөн барьсан хуулийн төсөлд яаж заасан байна, түүгээр явж байгаа. Тухайлбал, арилжааны телевизээр нэг өдөрт явуулах сурталчилгааны нийт хугацаа 60 минутаас хэтрэхгүй гэж заасан бол сонгуульд оролцож байгаа улс төрийн намуудад ижил тэнцүү боломж олгох ёстой. Сонин хэвлэлийн хувьд нийтлэл гаргах хэмжээг нь зааж өгсөн. Нэг ёсондоо 2012 оны сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчдийн сурталчилгааг яаж явуулж байсан тэр системээрээ явна.

-Сонгуулийн тухай хуулийг цагийг нь тулгаж баталдаг гэх шүүмжлэл байдаг. Сонгууль болохоос нэг жилийн өмнө хуулиа хэлэлцээд баталж болдоггүй юм уу?

-Би санал нийлэхгүй байна. Яагаад гэхээр УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг 2013 оны хоёрдугаар сард байгуулагдсан. Тэрнээс хойш хоёр жил хэртэй хугацаанд ажлын хэсэг ажиллаж маш олон удаа хуралдаж, хэлэлцүүлэг зохион байгуулсны дүнд хуулийн төсөл боловсрууллаа. Энэ хооронд Засгийн газар солигдож улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдлөө. МАН Засгийн газарт хамтарч ажиллахдаа улс орны нийгэм, эдийн засаг, хөгжилтэй холбоотой томоохон асуудлыг шийдье. Үүнийхээ зэрэгцээ томоохон хуулийн төслийг хэлэлцэж баталъя гэж гэрээн дээр тусгасан. Тэдэн дунд улс төрийн намуудын тухай хууль, сонгуулийн тухай хууль, төрийн албаны тухай хууль багтсан байгаа. Хамтарсан хугацаанд Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх гэсэн боловч болсонгүй. Ингээд хугацаа хойшилсоор байгаад өнгөрсөн арваннэгдүгээр сарын 6-нд УИХ-д суудалтай гурван бүлэг тус бүртээ сонгуулийн тухай хуулийг өргөн барилаа. Түүнээс биш суурь болгож буй Р.Бурмаа нарын өргөн барьсан хуулийн төсөл аль хэдийнэ бэлэн болчихсон байсан. Хэрэв хамтарч байх үедээ цаг алдалгүй хэлэлцээд эхэлчихсэн бол ингэж хугацаа тулахгүй байсан.

-Дээрх сонгуулийн тухай хуулийн төсөл хэр сайн болсон бэ. Ер нь сонгууль бүрийн өмнө хуулиа өөрчлөхгүй байж болдоггүй юм уу. Нэг сайн хууль батлаад тэр системээрээ сонгуулиа хийвэл ард түмэнд амар биш үү?

-Ажлын хэсэг, дэд ажлын хэсгийн маш олон хүний оролцоотойгоор уг хуулийн төсөл бэлэн болсон. Тиймээс ганцхан Р.Бурмаа сайдын толгойноос гарсан хуулийн төсөл биш. Хамтын бүтээл гэж ойлгож болно. Олон хүний санаа бодол орсон. Ер нь сонгуулиас сонгуулийн хооронд хуулиа шинэчлэх болгондоо өмнөх алдаагаа засдаг. Өмнөх сонгуулийн үеэр хуулийн ямар цоорхой гарч вэ гэдгийг анзаарч улам боловсронгуй болгодог. Одоо өргөн барьж буй хуулийн төсөл ч гэсэн 2012 оны УИХ болон орон нутгийн сонгуулиар зайлшгүй засахаар байсан зүйлийг эргэж нягталсан. Өөрөөр хэлбэл, процессын шинжтэй сонгуулийн явцад ажиглагдсан бэрхшээл, зөрчлийг арилгахад чиглэсэн сайн хууль боллоо гэж үзэж байгаа.

Бас нэг онцлог нь одоо мөрдөж буй сонгуулийн хуулиар УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийг өөр, өөр хуулиар зохион байгуулдаг байсан. Гэтэл дээрх гурван сонгуульд нийтлэг зүйл их байдаг. Тухайлбал, сонгуулийн зарчим, нэрсийн жагсаалтыг гаргах, сонгогчдыг бүртгэх зэрэг нийтлэг зүйл олон. Харин одоогийн өргөн барьж буй хуулиар аль ч сонгуульд хамаатай нийтлэг хэсгийг маш ойлгомжтой хэлбэрээр бүрдүүлж өгсөн. Үүнийгээ дагалдуулан гурван сонгуулийн онцлогтой тусгай хэсгийг зааж өгсөн байгаа.