Categories
мэдээ цаг-үе

Төрийн есөн хөлт цагаан туг залах торгон цэргүүдийн бэлтгэл жигдэрчээ

Монгол түмний эв нэгдэл, энх амгалангийн их бэлгэдэл есөн хөлт цагаан тугийг залах торгон цэргүүдийн бэлтгэл хэдийнэ ханажээ. Цэргүүд шарга морьдынхоо хамтаар Төр хурахын аманд хээрийн бэлтгэлээ хийж дуусаад байна. Туг залах ёслол хүндэтгэлийн ажиллагааг 1992 онд яруу найрагч Ш.Гүрбазар санаачлан зохион байгуулсан байдаг. Тэр цагаас хойш есөн хөлт цагаан тугийг залах ёслол нэг хэвийнээр үргэлжилжээ. Харин энэ жилээс морьдынхоо тоог нэмж сүр жавхааг нь улам бүр нэмэхээр болсон байна. Энэ тухай Зэвсэгт хүчний 032 буюу хүндэт харуулын ангийн захирагч Л.Батболд “Төрийн туг залах арга хэмжээ монгол хүн бүрийг омогшуулдаг. Тиймээс өнөө жил өөрчлөлт оруулан морьтон баатруудын хамт есөн хөлт цагаан туг залах гэж байна” гэв. Урьд өмнөх жил есөн шарга, нэг цагаан болон хээр морьтой 32 цэрэг есөн хөлт цагаан тугийг залдаг байлаа. Харин энэ жил 70 морьтон төрийн тугаа залан орж ирэхээр болжээ. Тэдний хээрийн бэлтгэлийн сүүлийн өдөр нь очлоо

Зэвсэгт хүчний нэгдсэн найрал хөгжмийнхөн ирчихсэн бэлтгэлээ хамтдаа хийх гэж байв. Хээрийн ангиа тойруулан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хэмжээтэй дүйцэхүйц томоо тойрог татчихаж. 15 цагт эхлэх бэлтгэлийнхээ өмнө цэргүүд морьдоо барьжээ. Эдгээр адуу төрийн торгон сүрэгт байдаг. Тэр бүр унаж, эдлээд байдаггүй болохоор ихэнх нь ааштай талдаа юм. Цөөн хэд хоног бэлтгэл хийж байгаа болохоор тэр хугацаанд багтаж мориндоо дасна гэдэг цэргүүдээс багагүй хичээл зүтгэл шаарддаг гэсэн. Тиймээс бэлтгэл дууссан үед ч гэсэн мориндоо дасахыг хичээсээр овоо үр дүнд хүрч байгаа тухай цэргүүд ярьж байлаа. Өнөө жилийн тухайд есөн хөлт их тугийг 032 дугаар ангийн офицерууд зална. Тэдэн дунд ганцхан цэрэг байгаа нь Б.Бат-Отгон. Тэрээр Булганы Дашинчилэнгээс иржээ. “Цэрэгт татагдаж ирээд төрийн есөн хөлт цагаан тугийг залалцах болсондоо их баяртай байгаа. Эр хүн болгонд тэр бүр заяагаад байхгүй ховор боломж” гэж байв. Хүүгээ төрийн наадмын арга хэмжээний гол хэсэгт оролцох болсонд аав, ээж нь ихэд баяртай байгаа гэнэ. Иймд нийслэлд ирж наадмын нээлт үзэхээр болжээ.

Морьдоо нэмсэн нь тэгш ойтой холбоотой. Мөн АСЕМ-д оролцох зочид, төлөөлөгчид наадмын нээлт үзэх болохоор төрийн туг залах ёслолын ажиллагааны сүрийг нэмэхийн тулд 38 морь нэмжээ. Ингэснээр гурван цагаан, 17 шарга, 25 хонгор, 25 хээр зүсмийн 70 морь есөн хөлт цагаан тугийг зална. Тэдний 20 нь морьтон баатрын дүрээр тугны хамгаалалтад явах ажээ. Цаашид ч энэ жишгээр наадах байх хэмээн ангийн захирагч Л.Батболд хурандаа ярьж байна лээ. Ер нь туг залах ёслолд өнгөрсөн жилээс бага зэргийн өөрчлөлт орсон байдаг. Хуучин есөн шарга морь туг залдаг байсан бол өнгөрсөн жилээс их тугийг цагаан мориор залдаг болсон. Энэ жил мөн уг жишгээрээ явах юм байна.

Нэгдсэн бэлтгэл 15:00 цагт эхлэв. Яг л цэнгэлдэх хүрээлэнд байгаа мэтээр хүндэтгэлийн ая эгшиглэж шарга, хонгор морьтой 20 баатар эр түрүүлээд орж ирэв. Араас нь цагаан морьтой хонжин буюу ангийн захирагч, залгуулаад туг орж ирэх ажээ. Хэдий хээр газар ч гэлээ яг л Төв цэнгэлдэх хүрээлэнд туг орж ирж буй мэт бэлтгэлээ хийж байв. Торгон цэргүүдийн нүүрний хувирал, биеэ авч яваа байдал яг л наадмын нээлт үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Нэг гараараа мориныхоо цулбуурыг бариад, нөгөө гараа ташаандаа тулаад толгой өөдөө баатар эрсийн ихэмсэг дүрд хувиран өдрийн гурван удаа бэлтгэл хийж байгаа гэнэ.

Торгон цэргүүд өглөө 06 цагт босно. Эхлээд өглөөний гүйлттэй. Дөрвөөс таван км гүйгээд анги дээрээ ирж өглөөний цайгаа ууна. Үргэлжлээд биеийн хүчний бэлтгэл хийдэг. Өөрсдийнхөө бие хааг ингэж бэлдсэний дараа морьтой бэлтгэлдээ гарна. Хоёроос гурван цаг морьдоо дасган бэлтгэл хийсний дараа өдрийн хоолтой. Тогооч нар хээрийн бэлтгэлд хамт гардаг учраас нэг, хоёрдугаар хоол хийж өгнө. Дараа нь бас л бэлтгэлээ хийнэ. Морьтой бэлтгэлийг өдөржин хийгээд байж болохгүй. Адуу хэт удаан бэлтгэл хийвэл залхуураад байдаг гэсэн. Гэхдээ олон жил туг залж яваа морьд үүргээ сайн мэддэг болчихдог гэнэ. Бэлтгэлийн үеэр ийш тийшээ өвс зулгаагаад явчихгүй. Яг л уяан дээрээ байж байна. Хоол тэжээлийн тухайд тусгай юм хэрэглэхгүй. Бэлчээрлэнэ. Яг наадмын өдөр харин гэдсээ татчихдаг гэсэн. Цэнгэлдэх дотор ороод учиргүй бааж шээгээд байхгүй. Ялангуяа олон жил болж байгаа хөгшин морьд ийм асуудал гаргахгүй. Ганц нэг жил болсон шинэ морьд л цэнгэлдэх дотор “асуудал” гаргадаг юм байна.

Өнөө жилийн тухайд хаа газар зуншлага сайхан байгаа болохоор адуу мал тарга тэвээрэг сайтай байв. Гэсэн хэдий ч наадмын өмнөхөн тамир тэнхээ нэмэх тариа хийх гэж байгаа талаар ярьж байлаа. Учир нь наадмын дараа буюу долдугаар сарын 15-нд АСЕМ-ын хуралд зориулан Төрийн ордноос Чингисийн хүрээ жуулчны бааз хүртэл 20 гаруй км туг залж явах юм байна. Ойрхон хоёр удаа туг залах учраас нэмэлт тариа хийхээс өөр аргагүй. Гэхдээ шороон замаар явбал монгол морь ер нь тэгтлээ ядарч сульдаад байдаггүй гэсэн. Харин засмал замаар явахад халтирчих гээд моринд их түвэгтэй байдаг ажээ. Нэг морь дунджаар 120 гаруй кг ачаатай явах учраас хол замд цуцах магадлал өндөр. Туг залах хүн дунджаар 70-90 кг жинтэй. Үүн дээр морьдоо 15 кг чимэглэлээр тоноглоно. Их туг 36 кг жинтэй, бусад нь 24 кг. Ийм хүнд ачаатай явах учраас тарим, бэлдмэлээ эртнээс бэлдэж байгаа юм байна. Гэхдээ хүн ч тэр, адуу ч тэр бэлтгэгдсэн учраас иймэрхүү ачааллыг даваад л гарна. Харин хамгийн их санаа зовоож буй зүйл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн будагтай зам, хиймэл зүлэг. Морьд ийм замаар явахаар халтирчих гээд тун ярвигтай. Тиймээс өнөөдрөөс эхлэн наадмын нээлтэд оролцох бусад уран бүтээлчийн хамтаар нэгдсэн бэлтгэлд гарахаар болжээ. Уг нь нэг эвгүй гишгээд халтирчихсан морь дахиж тэр замаараа явахаар биеэ цэнээд, алхаа гишгээгээ хянаад сүрхий болгоомжтой явдаг гэсэн.

Есөн хөлт цагаан тугийг залах хүлэг морьдыг гурван жилийн өмнөөс сэлгэж эхэлжээ. Шинэ морьд сургаж авах амаргүй байдаг ч гэлээ хөгшрөөд ирэхээр нь солихоос өөр аргагүй. Их тугийг залдаг том шарга морь л гэхэд 14 жил “төрийн албанд” зүтгээд хоёр жилийн өмнөөс халаагаа өгсөн гэнэ. Гэсэн хэдий ч уягдаад сурсан морьтой адил зун болохоор л уяан дээрээ очоод зогсчихдог болохоор нь энэ жилээс дахин авчирч морьтон баатруудын унаа болгохоор болжээ.

032 дугаар ангийнхан наадам болохоос тав хоногийн өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын талбайд байрладаг ажээ. Тэнд өдөр тутмын бэлтгэлээ хийнэ. Гэхдээ хээр байсан шиг далайцтай хэмжээнд биш. Ерөнхийдөө цомхон буюу сануулах маягтай бэлдэнэ. Бас Туул голд морьдоо усанд оруулах их ажил бий. Наадмаас өмнө гурван ч удаа усанд оруулж өнгө зүсийг нь сэргээдэг гэсэн. Ингээд 10-ны өглөө Чингисийн талбай дээр есөн хөлт цагаан тугаа цэнгүүлээд маргааш нь Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьдог ажээ.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ нийгэм

Багахангайд болсон дунд сунгааг Х.Цогтсайханы хээр азарга өнгөллөө

Долдугаар сарын 3-нд Багахангайд болсон дунд сунгааг манай сонин сурвалжилсан юм. Өнөө жилийн хурдан морьдын өнгө ямар байхыг энэхүү сурвалжлагаас уншиж сонирхоорой.


Монгол төрийн их баяр наадам хаяанд иржээ. Хүчит бөхчүүдийн бяр тэнхээ жигдэрч, хурдан морины уяа сойлго таарч дэнж хотойтол наадан түмэн олноо цэнгүүлэхэд бэлэн болжээ. Монгол түмэн төрийн их баяр наадмаа хоног тоолон хүлээж буй энэ өдрүүдэд хурдан морины өнгийг тодорхойлох сунгаанууд болж байна. Бага сунгаа зургадугаар сарын сүүлээр буюу сонгуулийн өдөртэй давхцаж болсон бол өнгөрсөн амралтын өдөр дунд сунгаа боллоо. Дунд сунгаагаар уяач олон шандаст хүлгийнхээ өнгийг шинждэг уламжлалтай. Наадмын өмнө болдог бага, дунд, их гурван сунгааны хамгийн чухал нь дунд сунгаа. Учир нь энэ л сунгаагаар морьд хамгийн хол зайд уралддаг. Энэ жилийн тухайд уяачид гал галаараа нийлэн Багахангай, 61-ийн гарам, Бухан сэрүүн, Өлзийтийн ам, Сэргэлэн сум зэрэг газарт морьдоо сунгалаа. Багахангайд Монгол Улсын тод манлай уяач Д.Одгэрэл, манлай уяач Х.Цогтсайхан, алдарт уяач С.Шинэбаатар, Б.Саранхүү, Б.Лхамсүрэн, нийслэлийн алдарт уяач Г.Буянтогтох нарын олон уяач буужээ. Тэндхийн бага сунгаа өтгөн болсон сургаар Багахангайд очив. Унаач хүүхдийн гийнгоон дуу тэнгэрт хадаж хурдан морины туурайн төвөргөөн сонсогдож байна. Айлсан буусан уяачдын галаар оров. Морь хурдан уу хэмээн мэнд усаа мэдэлцсэний дараа энэ зуны зуншлагын талаар хөөрөлдлөө. Уулзсан хүн бүр л газрын өнгө сайхан байгаа, тарган тавтай зун болж байна гэж байв. Ер нь ихэнх нутгаар зуншлага сайтай байгаа сураг дуулдана лээ. Нутаг нутгийн уяачид нийслэлтэй ойр буусан хэдий ч үе үе үлдсэн хэд рүүгээ утас цохиж чих тавьдаг гэнэ. Тэндээс бороо хур элбэгтэй, ногооны гарц сайтай байгаа гэх таатай мэдээ ирж буй ажээ. Хавар ногоо эрт гарсан болохоор адуу малын тарга тэвээрэг ч сайн байгаа юм байна. “Энэ жил Их хурдтай. Уяачдын хувьд олимпийн жил гэсэн үг. Ийм жил ган гачигтай байвал адуу мал бүрэн тэнхрээгүй байдаг болохоор уралдахад хэцүү. Хэдийгээр тэжээл өгдөг ч гэлээ байгалийн шимтэй өвсгүй үед тамирдаад байдаг” хэмээж байлаа.

Уяачид сунгааны өмнөх өдөр цуглаад хэрхэн зохион байгуулах тухайгаа хуралдчихаж. Азарга 16 км, их нас 18 км, соёолон 16 км, даага 10 км-т уралдуулж сунгахаар болжээ. Хурц нартай халуун өдрүүд үргэлжилж буй тул өглөө 7:30 цагт азарганы уралдаанаар эхлэв. Уяанаас 70 гаруй азарга морджээ.

УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн монгол хээр, Монгол Улсын тод манлай уяач Д.Одгэрэлийн бор, манлай уяач Х.Цогтсайханы хээр, Б.Лхамсүрэнгийн загал зэрэг улс, бүсийн уралдаанд дээгүүр давхидаг шандаст хүлгүүд мордлоо. Эрлийз, монгол хамтдаа уралдсан бөгөөд гарааны зурхайгаас гарсан цагаас хойш Б.Наранхүүгийн монгол хээр, Х.Цогтсайханы хээр азарга хоёр өнгөнд давхисан. Уяачид машинтайгаа даган унаач хүүхдэдээ зааварчилгаа өгч байлаа. Өнгөнд давхиж буй морийг бусдаас нь салган гарга, эсхүл жаахан суух маягтай байвал дагуулаад давхиад бай гэхчилэн заавар өгнө. Мөн унаач хүүхдийг хэзээ гараа хөдөлгөж эхлэх, хаана яаж ташуурдах, газрын уруу хэрхэх, өөдөө газар яаж уралдах гээд нэг бүрчлэн зөвлөгөө өгч байв. Гэхдээ бодож байсан шиг өөд уруугүй загнаад тэгээч, ингээч гээд байхгүй юм. “Ахын дүү одоо жаахан давираад яваарай”, “Ташуур өгөх болоогүй шүү” зэргээр хэлнэ. Унаач хүүхдүүд ч гэсэн өөрсдийн гэсэн мэдрэмжтэй. Олон жил хурдан морь унаж улс, бүсийн наадамд уралдсан хашир туршлагатай хүүхдүүд өөрсдийн зөн, мэдрэмжээр уралдах ажээ. Тэд уралдааны байр байдал, газрын чиг баримжааг дотроо тооцоолон тун няхуур уралдана.

Азарга гараанаас гарснаас хойш хэдхэн минутын дараа барианд дөхөөд ирэв. Сунгаа учраас бариагаа уулын бэл өөд өгсүүлэн товложээ. Барианд Х.Цогтсайханы хээр, Д.Одгэрэлийн бор, н.Баяраагийн хүрэн, н.Мөнгөншагайн халтар,

Б.Лхамсүрэнгийн загал өнгөлөн орж ирэв. Айргийн тавын араас Б.Наранхүүгийн монгол хээр орж ирнэ лээ. Б.Наранхүүгийн тухайд Дундговийн уяачидтайгаа нутгийнхаа ойрхон гал болон гарсан гэсэн. Харин хамгийн чухалд тооцогддог дунд сунгаанд Багахангайг зорин ирж нутаг, нутгийн хурдан хүлгүүдтэй уралдуулжээ. Монгол хээр сунгааг өнгөлж байсан хэдий ч газрын дундаас суусаар барианд зургаагаар орж ирсэн юм. Азарганы дараа соёолон мордуулав. 90 гаруй соёолон гарааны зурхайн зүгт хөдөллөө. Унаач хүүхдийн ихэнх нь хамгаалалтын малгай, уралдааны хувцас өмссөн байв. Ер нь хүүхдүүд зориулалтын хувцастай уралдаад сурчихжээ. Жижиг уралдаан төдийгүй морь хөлсөлгөөний үед ч гэсэн хамгаалалтын малгайгаа өмсөнө. Уяачид нь унаач хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс эхнээс нь шаардсаар одоо бүр дасал болчихсон байна. Харин эмээлтэй эсхүл зайдан уралдахаа хоорондоо ярилцаж байгаад шийддэг болжээ. Эндхийн соёолонгийн сунгаанд зүүн голдуу аймгийн улс, аймагт алдар цуугаа цуурайтуулсан хурдан морьд мордсон. Эхний тавд нийслэлийн алдарт уяач Г.Буянтогтохын хул, Батхүүгийн халзан, Дашдоржийн хул, Г.Базаррагчаагийн бор, Мандахын хонгор бариалав. Морьд барианд орох үед уяачдын дунд нэгэн шуугиан гарсан нь “Эндхийн сунгаанд түрүүлсэн соёолонг Асашёорюү Дагвадорж 100 саяар худалдаж авах юм гэнэ” гэх яриа. Амнаас ам, уяачаас уяач дамжин ярих энэхүү яриаг үгүйсгэх хүн олон байв. Уг нь сунгааны өмнөхөн Д.Дагвадорж аварга хөнгөн хөлт соёолонгийн уралдаанд түрүүлсэн адууг 100 сая төгрөгөөр худалдаж авъя гэсэн ам гараад явжээ. Гэсэн ч уяачид “Наадмын өмнө иймэрхүү байдлаар уяачдыг хөөргөсөн амлалт гардаг. Яг цагаа тулахаар худалдаж авсан хүн байдаггүй” гэж байв. Аваргын тухайд тэгш ойтой энэ жил одтой сайхан наадахыг хүссэн байж магадгүй юм.

Их нас хоёр тасран уралдав. Нийлүүлж тоолбол 100 гаруй хурдан буян морджээ. Эхний хэсгийн өнгөнд тод манлай Д.Одгэрэлийн хул, Х.Цогтсайханы халзан, Н.Зоригтын хул, Х.Цогтсайханы хар, н.Мөнгөншагайн хүрэн ирэв. Дараагийн хэсгийг Батхүүгийн халтар, Жанлийн хээр, Б.Лхамсүрэнгийн хүрэн, Г.Хадхүүгийн хүрэн, Г.Базаррагчаагийн хонгор өнгөлөн хурдаллаа.

Дунд сунгаа хагас, бүтэн сайнд хоёр өдөр болсон бөгөөд эхлээд хязаалан, шүдлэнг сунгасан байв. Хязааланд 60 гаруй хурдан хүлэг мордсон бөгөөд Шинэбаатарын хар, Ганзоригийн зээрд, Д.Одгэрэлийн хээр, Х.Цогтсайханы цавьдар айргийн тавд хурдалжээ. Шүдлэнг Х.Цогтсайханы хүрэн, Нүүдэлийн хонгор, Г.Хадхүүгийн хар, Г.Буянтогтохын зээрд, Б.Лхамсүрэнгийн зээрд өнгөлөн давхисан байв. Харин Бухан сэрүүнд болсон азарганы сунгаанд манлай уяач Д.Хишигжаргалын цагаан, тод манлай Л.Цандэлэгийн хээр, П.Мэндсайханы хээр өнгөлсөн сурагтай байна. Их насны түрүүнд Б.Ерөөлтийн халзан, Н.Базаргарьдын хавчиг хээр, Д.Төртогтохын халиун, А.Батсүхийн хүрэн, Хишигбаатарын хээр хурдалжээ. Мөн 61-ийн гармын сунгаа өтгөн болсон дуулдана. Энд зууны манлай уяач Д.Даваахүү, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж, манлай уяач Мөнхтөр, алдарт уяач Б.Ганбат, Б.Махбал, Гантөмөр нарын уяач бий. Азарганд Б.Ганбатын хар, Б.Махбалын хүрэн, З.Батбаярын хул, Д.Дагвадоржийн шөвгөр зээрд, Гантөмөрийн зээрд, Д.Даваахүүгийн хонгор, Д.Бат-Эрдэнийн хавчиг хээр азарганууд хурдалжээ. Их насанд Х.Бат-Эрдэнийн даян түмний эх уяа сойлго таарсан гэдгээ баталж өнгөнд давхисан сурагтай. Мөн Х.Түмэнбаярын хонгор, Б.Эрдэнэбатын буурал, Б.Махбалын зээрд халзан, Ихбаярын цагаан морьд эхний аравт уралджээ.

Ийн монгол уяачид ур ухаан, мэдлэг чадвар, хөлс хүчээ шингээн шандаст хурдан хүлгүүдээ төрийн наадамд уралдуулахаар уяа сойлгыг нь тааруулаад байна. Унаач хүүхдүүд наадмын өглөөг догдлон хүлээж хуруу даран тоолж байгаа. Монгол наадам айсуй.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Ц.Цэнгэл: Энэ жил манай улс 600 мянга гаруй жуулчин хүлээж авна

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлтэй ярилцлаа.

-Аялал жуулчлалын улирал эхэлж байна. Энэ жилийн тухайд хэчнээн жуулчин манайд ирэх бол. АСЕМ-ын Дээд түвшний уулзалт болох учраас жуулчдыг хүлээж авахгүй гэх яриа гарах юм?

-Өнөө жилийн хувьд аялал жуулчлалын онцлог жил болж байгаа. Учир нь энэ жил бид хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр нэлээн анхаарал хандуулан ажилласан. Хоёр хөрштэйгөө уулзалт хийж хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг хамтдаа шийдвэрлэж байна. Мөн энэ жил АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалт болно. Энэ хүрээнд олон улсын зүгээс терроризмтой тэмцэхийн тулд өндөр хамгаалалт шаардаж байгаа. Засгийн газрын зүгээс дээд хэмжээний зочдоо өндөр түвшинд хүлээж авахын тулд хичээн ажиллаж байна. Харин энэ уулзалт жуулчдын тоонд нөлөөлөхгүй. Бидний төлөвлөж буйгаар 600 мянга орчим жуулчин хүлээж авна. Өмнөх жилүүдэд бид 480-520 мянга гаруй жуулчин хүлээж авдаг байсан. АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр хил, гаалийн хяналт шалгалт л ихсэх байх. Түүнээс биш жуулчин хүлээж авахаа боль гэсэн албан ёсны мэдэгдэл ирээгүй учраас аялал жуулчлалын компаниуд хэвийн ажиллаж байгаа.

-Хил орчмын аялал жуулчлал гэж юуг хэлээд байна вэ?

-Өдөртөө орж ирээд гардаг аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Дорнод, Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулагийн хилээр жуулчид хүлээж авахаар зорьж байгаа. Иймэрхүү хэрэгцээ манай хоёр хөршид ирсэн жуулчдад их байдаг юм байна. Тухайлбал, Хятад улсад жуулчилж яваа хүн хурдхан шиг Монголыг үзчихье гээд хил орчмын бүс нутгаар дайраад гарах сонирхолтой байдаг. Хэрэв энэ төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх юм бол тухайн хил орчимд ажиллаж амьдарч буй нутгийнханд эерэг нөлөөтэй. Нөгөөтэйгүүр өмнө нь төлөвлөж байснаар жуулчид ирдгээрээ ирнэ. Манайд гадныхан ан агнуурын чиглэлээр жуулчлах сонирхолтой байдаг. Тэдний аялал хэвийн үргэлжилнэ. Мөн гаднаас жуулчин авчирдаг компаниудын үйл ажиллагаа ердийн байдлаар үргэлжилж байгаа. Харин ганц хүндрэл гарч ирж байгаа нь Хөвсгөл, Өмнөговиор аялах жуулчдад зориулсан тогтмол нислэг байхгүй байна. Үүнээс болж зарим нэг компанитай байгуулсан гэрээ цуцлагдаж байгаа юм билээ. Энэ нэлээн ярвигтай асуудал болчихоод байгаа юм. Тогтмол нислэг үйлдэх боломжийн талаар авиа компаниудтай ярилцахаар цөөн хэдэн нислэг үйлдэж болно. Мөн захиалгат нислэг хийж болно гэдэг. Гэвч захиалгат нислэг аялагчдад өндөр үнэтэй тусч байгаа. Юунаас болж тогтмол нислэгээ зогсоочихов гэхээр ихэнх аймгийн төв нийслэлтэй засмал замаар холбогдчихсон байна. Зам сайхан болчихоор иргэд онгоцоор зорчих нь эрс багассан.

-Яамны зүгээс жуулчдыг татахын тулд авиа компаниудтай хамтраад тогтмол нислэгтэй болгох талаас нь зохицуулж болдоггүй юм уу?

-Аялал жуулчлалын газрынхан энэ тал дээр маш идэвхтэй ажиллаж байгаа. Авиа компаниудын хувьд шатахуун үнэтэй болохоор бэрхшээл их гардаг. Байнгын нислэг үйлдье гэхээр цөөн зорчигчтой байдаг тул нислэгээ зогсоочихоод байна. Онгоцны дүүргэлт дор хаяж 30 хувиас доошгүй байж гэмээнэ зардлаа нөхдөг гэсэн.

-Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх тухайд ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

-Сүүлийн хэдэн жил дотоодын аялал жуулчлал харьцангуй сайн хөгжиж байгаа. Иргэд албан байгууллага, найз нөхөд, гэр бүлээрээ эх орныхоо өнцөг булан бүрээр аялах сонирхолтой болсон байна. Иргэд дотоодын аялал жуулчлалаар Хөвсгөл рүү явах хандлага их байдаг. Гэтэл тэнд нь хоёр мянган жуулчин хүлээж авах боломж бий. Тэрнээс илүү жуулчин ирэхээр ачааллаа дийлдэггүй. Өнгөрсөн жил л гэхэд 20 мянган жуулчин цугласан гэх тооцоо бий. Нэг дор ийм хэмжээний гадна, дотнын жуулчид цуглахаар бие засах газар, хоноглох байр, хог хаях цэг хүрэлцээгүй болдог. Улмаар иргэд байгаль орчноо бохирдуулж байна. Тиймээс яамны зүгээс Хөвсгөл рүү чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд бодлогын хэмжээнд ажиллаж байгаа. Тэндхийн аялал жуулчлалын байгууллагуудыг чадавхижуулах, нуурын эрэг орчмоос хол байрлуулах зэрэг тал дээр томоохон төслүүд хэрэгжүүлэх гэж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны төслийг Хөвсгөл рүү татаж оруулсан. Мөн нутгийн иргэдийг яаж мөнгөтэй болгох вэ гэдэг тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна.

-Тухайн бүс нутагт аялал жуулчлал хөгжвөл нутгийн иргэдийн амьжиргаанд эерэгээр нөлөөлнө дөө?

-Мэдээж хэрэг эерэг нөлөө үзүүлнэ. Мөн аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй компаниуд нутгийн иргэдтэйгээ хэрхэн хамтарч, уялдаатай ярилцах вэ гэдэг тал дээр анхаарч хэд, хэдэн ажил санаачлан хэрэгжүүлж байна. Жуулчны баазууд нутгийн айлаас өдөрт нэг хонь, сардаа нэг үхрийн мах худалдаж авч болно. Сүү, цагаан идээ тогтмол худалдан авч иргэдээ дэмжих хэрэгтэй. Саяхан би дэлхийн өвийн сангийн хэд, хэдэн хуралд оролцлоо. Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлье гэхээр жуулчны баазууд эрэгтэй хэтэрхий ойр байна. Түүнийгээ ядаж 100-200 метрийн зайтай холдуул гэж шаарддаг. Холдуулчихвал дэлхийн өвд бүртгэж авъя гээд байгаа. Бид нуурын эрэг дээр үйл ажиллагаа явуулж буй жуулчны баазуудтай уулзаад ийм шаардлага тавихаар нөхөн төлбөр нэхээд байдаг. Уг нь хувийн хэвшлийнхэн зөвхөн өөрсдийн амин хувийн ашгаа бодоод байлгүй төртэйгөө хамтарч ажиллах хэрэгтэй байгаа юм.

-Жуулчид манай улсад ан хийх сонирхолтой байдаг гэсэн. Яамны зүгээс хэчнээн төрлийн ан агнах зөвшөөрөл олгодог юм бэ?

-Манай улсын хувьд хамгийн гол ан нь угалз. Ийм төрлийн ан агнахаар дэлхийн хэмжээний томоохон анчид хүрч ирдэг. Янгир агнах сонирхолтой хүсэлт бас их ирнэ. Мөн бор гөрөөс, зээр агнах зөвшөөрөл олгож байгаа. Арабууд шувуу, тэр дундаа шонхрын ан сонирхдог. Харин загасны тухайд барьчихаад буцаан тавих зөвшөөрөл олгож байгаа. Энэ мэтээр яамны зүгээс зохих зөвшөөрөл олгож байна.

-Ан агнуурын тухайд, ялангуяа угалз, янгир агнах хэчнээн зөвшөөрөл олгодог юм бэ?

-Дээр дурдсан ангийн төрлүүдэд нийт 100 орчим тоо толгойн зөвшөөрөл олгож байгаа.

-Хамгийн өндөр төлбөр тушаадаг нь ямар ан бэ?

-Аргаль, угалз л байгаа. Алтай хавьд ан хийвэл 20 мянган ам.доллараар зөвшөөрөл авч байгаа. Эврийнх нь том, жижгээр хэмждэг юм.

-Дотооддоо аялъя гэхээр хамгийн түрүүнд бие засах газрын асуудал бэрхшээлтэй санагддаг. Хөдөө хээр яваа хүмүүс хэдий болтол жалга, довонд бие засч явах вэ?

-Зөөдөг, үнэр гаргадаггүй, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бие засах газар оруулж ирж байгаа. Гар нүүрээ угаагаад, бие засах боломжтой газар байх юм. Энэ жил эхний ээлжинд дөрвийг оруулж ирсэн. Элсэн тасархай, Тэрэлж, Завханы Отгонтэнгэр, Хөвсгөл явах замд байрлуулна. Уг нь 100 км тутамд боловсон бие засах газар байгуулъя гэж ярьдаг. Жигжид сайдын үеэс энэ асуудлыг ярьдаг байсан юм. Энэ ажил өнөө жилээс хэрэгжиж эхэлнэ. Цаашид харин үүнийгээ тасралтгүй хэрэгжүүлэх л хэрэгтэй байна.

-Америк, Европын жуулчид Азиар аялж байхдаа Монголд очъё гэхээр хятадууд тосч аваад Өмнөд Монголд аваачаад “Энэ бол Чингис хааны төрсөн нутаг” гэдэг гэсэн. Энэ тал дээр яам ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Хил, гаалийнхан орох визээ өгөхгүй байгаа шүү дээ. Тиймээс жуулчид Өмнөд Монголд очоод байгаа. Энэ асуудлаар хилийн боомтынхонтой уулзахаар ГХЯ-ны зөвшөөрөл ирвэл оруулах учиртай гэдэг. Гэхдээ удахгүй хилийн боомтууд жуулчдыг оруулах эрхтэй болох байх. Манай яамны зүгээс асуудлыг ГХЯ-нд тавьсан. Тэд асуудлыг ойлгож хүлээн авсан учраас удахгүй шийдэгдэх байх.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бусаны нислэг буюу бидэнд хамгийн ойр наран шарлагын газар

Солонгосын хоёр дахь том хот Бусан, Улаанбаатарын хооронд шууд нислэгтэй болж өчигдөр эхний нислэгээ хийлээ. Ингэснээр Чингэс хаан олон улсын нисэх буудлаас дөрвөн цаг гучин минут нисээд л Бусанд оччих юм билээ. Энэ хот бол Солонгосын төдийгүй Зүүн өмнөд Азийн томоохон хотуудын нэг. Хөгжлөөрөө барууны орнуудыг санагдуулам бөгөөд далайн эрэг дээр байдаг зөөлөн уур амьсгалтай. Ялангуяа зуны гурван сардаа цаг агаарын хувьд нэн таатай байдаг тухай Солонгост амьдардаг монголчууд ярьдаг. Хэт их халахгүй мөртлөө бага зэргийн чийглэг агаар нь очсон хүн бүрийн сэтгэлд нийцдэг гэсэн. Мөн худалдаа, аж үйлдвэрийн томоохон хотын тоонд зүй ёсоор багтдаг болохоор амралт, чөлөөт цагаараа жуулчлахад нэн тохиромжтой. Тэндхийн дэлгүүр болон худалдааны төвүүд нь жуулчдын улиралд бараа, бүтээгдэхүүнээ “зад” хямдруулан Бусаныг зорьж ирсэнд нь хариу талархал илэрхийлдэг гэнэ. Мөн энэ хот гайхалтай сайхан наран шарлагын газар олонтой. Яг л барууны орныг санагдуулам далайн эргийн наран шарлагын газарт нь жуулчид төдийгүй солонгосчууд ихээр очдог юм билээ. Ийм л сайхан хотод монголчууд бид хэдхэн цаг нисээд хүрч очих боломжтой болжээ. Урьд нь ийм шууд нислэг байгаагүй болохоор далайн эрэг дээр амрах хүсэлтэй ихэнх монголчууд Хайнан руу явдаг байв. Гэхдээ Хайнанд амрах тийм ч амар байгаагүй. Яагаад гэвэл нэгээс нөгөө рүү дамжин нисэж байж зорьсон газраа очдог болохоор онгоцоор удаан нисэх дургүй хүмүүст төвөгтэй байсан юм. Буянт-Ухаагаас Бээжингийн “Капитал” нисэх онгоцны буудалд буугаад тэндээ дараагийн онгоцоо хэдэн цаг хүлээх хэрэгтэй болдог. Арай хийж дараагийн онгоцондоо суусны хойно Саняа хотод хүрч цаашаагаа автобусаар явах хэрэгтэй. Иймэрхүү байдлаар аялахаар ихэнх хүн замдаа ядарчихаад байдаг байлаа. Бас гаднах харагдах байдлаасаа бид Хайнан арлынхантай огтхон ч адилгүй. Харин солонгос, монгол хоёр тэгтлээ ялгараад сүйд болохгүй. Солонгост очсон монголчууд “нүүр царай ижил шахуу болохоор эх орондоо байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг” гэж ярих юм билээ. Энэ бол тухайн оронд аялахын бас нэг чухал хүчин зүйл болдог.

Сүүлийн үед дэлхий даяарх жуулчлалыг хятадууд тэргүүлж байгаа юм билээ. Нэг тэрбум хүн амтай болохоор арга ч үгүй биз. Аялах гэж буй хүмүүс нэн тэргүүнд хамгийн ойр, хамгийн таатай газар руу явдаг жишиг бий. Үүний дагуу хятадууд үй олноороо Солонгос руу жуулчилж байгаа ажээ. Томоохон худалдааны төв, жуулчдад зориулсан гудмаар нь хятадууд хөлхөж эхэлсэн гэнэ. Улс орныг нь зорин ирж буй уг цувааг солонгосчууд зүгээр нэг хараад өнгөрөхийг хүсээгүй бололтой. Тэд бүр улсынхаа хэмжээнд бодлого боловсруулан хятадуудад таатай сэтгэгдэл төрүүлэхээр ажиллаж байгаа гэсэн. Юу вэ гэвэл Солонгост байдаг дэлхийн төдийгүй дотоодын брэнд дэлгүүрээр нь үйлчлүүлбэл урамшуулдаг болжээ. Ингэхдээ зүгээр нэг гарын бэлэг нэртэй хэрэгтэй, хэрэггүй зүйл өгчихдөггүй. Хятад улсын иргэн гэдгээ нотолсон гадаад паспортоо үзүүлбэл бүх бараагаа 50 хувь хямдруулан олгож байгаа гэнэ. Энэ бол жуулчдыг урамшуулж буй маш том бэлэг. Ерөөсөө аль ч газар очсон хүмүүсийн хамгийн таатай хүлээж авдаг зүйл хямдралтай үнэ байдаг. Энэ бодлогод татагдан хятадууд бөөн бөөнөөрөө Солонгосыг зорьж байна. Үүнтэй адил монголчууд бид ч гэсэн гаднын төдийгүй дотоодын жуулчдаа урамшуулсан олон ажил санаачилж, зохион байгуулмаар байгаа юм. Манайхан гадны иргэдийг боодол, боодол ам.доллар болгож хараад байгаа болохоос биш угтаа бол харин ч уян хатан үнийг санал болгох хэрэгтэй. Бидний тоож хардаггүй, бас худалдан авдаггүй монгол хүүхэлдэй, эсгий сувинеруудыг гадаадын жуулчдад тал үнээр нь худалдаж болох юм. Энэ мэтээр аялал жуулчлалын бодлогоо өөрчлөх цаг хэдийнэ болжээ.

Бусан-Улаанбаатарын шууд нислэг бидэнд олон давуу талыг бий болгоно. Яагаад гэвэл Бусан аж үйлдвэрийн томоохон хот. Тэнд орчин үеийн янз бүрийн үйлдвэрүүд хөгжиж байгаа. Хөгжиж буй манай улсад үйлдвэр хэрэгтэй. Тэгэхээр бизнес эрхлэгчид Бусан хоттой харилцаа холбоо тогтоож хамтран ажиллахад илүү дөхөм болж байгаа юм. Түүнчлэн жирийн иргэд аялал зугаалгаар явахдаа Бусаныг зорих олон шалтгаантай болж байгаа юм. Хамгийн наад захын жишээ нь тэндхийн наран шарлагын газар. Зуны амралтаараа аялах гэж байгаа хүн гэрээсээ богино цамц, өмдтэй гарч дөрөв тавхан цагийн дараа Бусанд буучихна. Тэнд далайн эргийн тохилог зочид буудал, хямд үнэтэй худалдааны төв, найрсаг үйлчилгээ, бидний идэж сурсан солонгос хоол бий. Тав тухтай аялахад хэрэгтэй бүхнийг Бусан хот цогцлоосон. Тиймээс монголчууд бидэнд далайн эргийн тохилог наран шарлагын газар улам ойртож байгаа юм.

Харин монголчууд ингэж аялахад хамгийн түрүүнд визний асуудал тулгамддаг. Тиймээс Солонгосын Элчин сайдын яамныхан уг асуудал дээр онцгой анхаарал хандуулан ажиллах хэрэгтэй. Визний нөхцөлөө хөнгөлж аяллын виз хүссэн хүмүүст түргэн шуурхай үйлчилдэг болмоор байгаа юм. Зөвхөн Солонгосын төдийгүй манай төр засгийнхан уг асуудал дээр анхаарал хандуулан ажиллаж чадвал монголчууд бидэнд далайн эргийн наран шарлагын газар тун ойрхож болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Турна гэж хоолоо сойгоод насны эцэст өвчний үүр болох вий дээ

Турахын хүслэн болж өдөрт ганц аяга жимсний шүүс уухаас өөрөөр ходоод руугаа юу ч хийхээ больсон найзад минь эмээ нь ингэж хэлсэн юм. “Турна, турна гэсээр юу ч идэж уухаа больсноор харангадаж унах вий дээ. Одоо ч яахав, хэдэн кг хиймлээр хасдаг л юм байгаа биз. Насны эцэст өвчний үүр болох вий” гэж байна лээ. Тэдний эмээ эмч, эсвэл анагаахын чиглэлийн хүн огт биш. Гэхдээ л жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэж үг бий. Эмээгийн энэ үгийг эмч нар ч батлан хэлэх л байх. Сүүлийн хэдэн жил хүүхнүүд буруу хооллолт, хөдөлгөөний дутагдлаас болж бий болгосон илүүдэл жингээ хаяхын тулд хэдэн ч өдрөөр хамаагүй хоол унд идэхээ больсон. Ингэснээр тухайн хэдэн өдөртөө хоёр, гурван кг хасдаг л байх. Гэхдээ ингэж турахыг аль ч чиглэлийн эмч хүлээн зөвшөөрдөггүй. Олон өдөр ходоодоо хоосон байлгахын сөрөг үр дагавар их. Өнөөдөр биш юм аа гэхэд яваандаа ходоодны шарх үүсэх, цөс чулуужих, бөөрний дутагдалд орох гээд олон өвчний суурийг тавьдаг гэнэ шүү. Бие махбод хоол тэжээлээс өөрт хэрэгтэй зүйлээ авч байдаг. Гэтэл тэжээлийн эх үүсвэр нь үгүй болохоор мэдээж хэрэг сайн биш байж таараа. Тиймээс турахын тулд хоолоо сойх нь өөрийгөө хордуулж буй хүний арга.

Насны эцэст өвчний үүр болж үр хүүхдээ зовоох вий. Түүний оронд хөдөлгөөн хийгээд, зөв хооллоод үзээрэй. Зургаан сарын турш өдөр бүр тогтмол дасгал хийгээд, эрүүл хоол идсэний дараа үр дүн илт мэдэгдэнэ. Тиймээс хоолоо идэхгүй турна гэхийнхээ оронд дасгал хөдөлгөөнийг сонгоорой.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Мөнхцэцэг: Энэ удаагийн сонгууль мэдээллийн өлсгөлөн, хоосон орон зайд өрнөж байна

МУБИС-ийн Улс төрийн коммуникацийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-Саяхан Герман, Монголын судлаачид хамтран “Монгол Улс сонгуулийн жилд” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал хийсэн. Уг хурлын үеэр ямар асуудал хөндөгдсөн бэ?

-Энэ хуралд сонгуулийн үйл явцын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн, судлаач, багш нар оролцсон. Миний хувьд “Монголын улс төрийн намуудын сонгуулийн кампанийн коммуникаци” сэдвээр илтгэл тавилаа. Монголын улс төрийн намууд сонгуульд хэрхэн оролцож байна, сонгуулийн кампанид ямар арга технологи хэрэглэж байна вэ гэдгийг хэлэлцүүлсэн. Ерөнхийдөө дэлхийн сонгуулийн чиг хандлага уламжлалт, орчин үеийн модерн гэсэн гурван чиглэлтэй байгаа. Манай улсын хувьд сонгуулийн сурталчилгаагаа уламжлалт кампанийн шинжтэйгээр явуулдаг нь судалгаанаас харагдаж байна. Зарим тойргийн хувьд уламжлалт соёл, шашин, ах дүү, хамаатан садны хэлхээ холбоо, нутгархах хандлага хүчтэй байдаг. Хотын болон бусад хэд, хэдэн тойрогт өрнөдийн технологи хэрэглэж байгаа. Гэхдээ ерөнхийд нь аваад үзвэл уламжлалт аргаар сонгуулийн сурталчилгааг хийж байна. Орон нутгийн тойргийн жишээн дээр нутгархах хандлага хүчтэй илэрдэг.

-Ийм хандлага мажоритар системээр сонгууль явагдах үед их ажиглагддаг биз дээ?

-Энэ жилийн хувьд жижгэрүүлсэн 76 тойрогтой учраас олны танил, эсвэл нутгийн хүү сонгогдох магадлал өндөртэй. Тийм нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны гол мессэж нь унасан газар, угаасан ус юм уу нутгийн хүү гэх үгс байдаг. Ийм мессэж 1992 оноос хойших бүх л сонгуулийн үеэр ажиглагдаж байгаа. Энэ жилийн тухайд улам бүр хүчтэй явагдаж байна. Мөн хамаатан садны хэлхээ холбоо Монголын сонгуулийн кампанид асар хүчтэй нөлөөлдөг. Төрд алба хашиж байсан эцэг эх, ах дүү хамаатан садныхаа нэрээр дараагийн үе нь гарч ирэх хандлага түгээмэл. Монголын соёл хамаатан садны, овгийн харилцаанд тулгуурласан уламжлалтай учраас улс төрийн сонгуульд ч гэсэн ураг төрөл, хамаатан садны хэлхээг ихээр ашиглаж байна. Ингээд үзэхээр Монголын улс төрд улс төрийн өв залгамжлал гэх нэр томьёо гарч ирж байгаа. Энэ жилийн сонгуулийн тухайд зарим тойрог дээр хамаатан садны маш олон хүн хоорондоо өрсөлдөж байгаа жишээ олон байна. Мөн намууд сөрөг сурталчилгааны үедээ үндсэрхэг үзлийг маш их ашигладаг болсон байна.

-Тухайлбал ямар жишээ байна вэ?

-Өрсөлдөгчөө хятадаас санхүүждэг, Хятадын эрлийз гэхчилэнгээр хэлдэг. Ийм сурталчилгаа анх 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар гарч байсан юм. П.Очирбат Ерөнхийлөгчийг тухайн үедээ хятад гаралтай гэх сөрөг мессэж гаргаж байлаа. Тэрнээс хойш энэ арга улс төрийн сонгуульд ихээр ашиглагдах болсон байна. Нэг ёсондоо монголчуудын үндсэрхэг үзэлд тулгуурлан тоглолт хийж буй сурталчилгааны тактик. Түүнчлэн шашин болон шашны шинжтэй итгэл үнэмшлийг түгээмэл хэрэглэж байсан. Харин энэ жилийн сонгуулийн тухай хуулиар шашны ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Энэ бол нэг талын дэвшилт. Иймэрхүү уламжлалт хэлбэрийн сурталчилгаанууд их явагдаж байгаа. Үүнтэй зэрэгцээд зарим нам, нэр дэвшигчид орчин үеийн арга барилаар ажиллаж байна. 2016 оны гуравдугаар сард Улс төрийн коммуникацийн хүрээлэн “Сонгогчид ямар хүнийг сонгуулиар сонгох вэ” гэх сэдвээр судалгаа хийсэн байдаг. Үр дүнгээс нь харвал иргэдийн амьдрал ахуйг сайн мэддэг хүн олон хүний санал авна гэдгээр тэргүүлсэн байгаа юм. Гэхдээ энэ судалгаа хот, хөдөөд харилцан адилгүй. Зарим аймгийн хувьд нутгийн хүнийг нэн тэргүүнд сонгоно гэсэн бол хотод ийм үзүүлэлт доогуур бичигдэж байна. Гэхдээ эхний 1-5 шалгуурт нутгийн хүн гэх фактор жагссан. Тухайлбал, зарим аймгийн сонгогчид “Манайхаас сонгогдсон УИХ-ын гишүүн нутаг орондоо тодорхой ажил хийгээгүй. Гэхдээ манай нутгийн хүн учраас дэмжинэ. Явуулын, эсхүл гадны хүнийг дэмжихгүй. Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр нь дээр” гэх жишээтэй. Харин нийслэлийн тойргууд дээр тийм хандлага харилцан адилгүй.

-Энэ жилийн тухайд сонгогчдын ирц ямархуу байх бол?

-Сонгогчдын ерөнхий динамикийг өнгөрсөн зургаан удаагийн чиг хандлагаас харахад иргэдийн сонгуулийн оролцоо улам бүр буурч байгаа. Сонгуулиас сонгуулийн хооронд ирц 5-6 хувиар буурч байна. 2012 оны УИХ-ын сонгуулийн ирц 65.7 хувьтай байсан.

Энэ жилийн тухайд нийт сонгогчдын 60-61 хувь нь саналаа өгөх байх. Энэ тоо их харамсалтай санагдаж байгаа юм. Яагаад гэхээр нийт сонгогчдын 40 хувь нь сонгуульд саналаа өгөхгүй байх нь. Иргэдийн дунд “Та яагаад сонгуульд саналаа өгсөнгүй вэ” гэх судалгаа явуулахад “Аль ч нам гарсан ялгаагүй төрийн мөнгийг идэж ууж, авлига авч таарна” гэдэг. Эсвэл улс төрд итгэл алдарсан, огт сонирхохгүй тохиолдол гарч байна. Залуу сонгогчдын тухайд бичиг баримтын зөрчилтэй, эсвэл ажилтай байсан учраас амжаагүй гэдэг. Энэ мэтээр сонгогчдын ирц улам бүр багасаад байвал Монголын ирээдүйд сөрөг нөлөөтэй. Хэдий чинээ цөөхөн хүн саналаа өгнө, тэр хэрээр цөөхөн сонгогчдын саналаар төр засаг бүрдэнэ. Сонгогчдын оролцоо бага байхын хэрээр жижиг тойрогт олны танил, тухайн аймаг орон нутагтаа танигдсан хүн л гарч ирдэг. Өнгөрсөн сонгуулийн үеэр л гэхэд хамгийн бага сонгогчдын саналаар гарч ирсэн гишүүн Б.Наранхүү байлаа шүү дээ. Тэрээр 7000 хүний саналаар ялалт байгуулсан. Уг нь ардчиллын гол механизм нь олонхын саналаар, олуулаа хэлэлцэж байж төр засгаа сонгох учиртай. Тиймээс СЕХ-ноос эн тэргүүнд анхаарах зүйл бол сонгогчдын ирцийн асуудал. Хоёрдугаарт, сонгогчдын боловсролыг дэмжих асуудлаар үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байна.

-Сонгогчдын ирцийг идэвхжүүлэхийн тулд ямар арга хэрэглэж болох вэ?

-Дэлхийн жишгээс харахад сонгогчдын ирцийг нэмэгдүүлэхийн тулд хоёр янзын арга хэрэглээд байна. Нэгдүгээрт, урамшуулал буюу сонгуульд оролцсоны төлөө хөхиүлэн дэмждэг арга. Тухайлбал, татварын хөнгөлөлт эдлүүлэх ч юм уу төрөөс авах үйлчилгээний үед хөнгөлөлт үзүүлдэг. Хоёрдугаарт, санал өгөөгүй бол торгууль хүлээлгэдэг. Ийм жишээ Австрали зэрэг улсад бий. Тухайн улсад иргэд нь сонгуульд санал өгөх үүрэгтэй байдаг. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд торгоно гэх заалтыг сонгуулийнхаа хуульд тусгасан жишээ олон. Манай улсын тухайд шууд торгоно гэхээс илүүтэй янз бүрийн хөнгөлөлт үзүүлж болж байна. Тухайлбал, банкнаас зээл авахад сонгуульд саналаа өгсөн эсэх нэг гол шалгуур болох ёстой. Мөн татварын хөнгөлөлт үзүүлж болно. Ялангуяа залуу сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх янз бүрийн урамшуулалт арга хэмжээ авмаар байгаа юм. Харамсалтай нь энэ жил СЕХ-ны үйл ажиллагаа хангалтгүй байна. Яагаад гэхээр 2015 оны арванхоёрдугаар сард батлагдсан Сонгуулийн тухай хууль маш төвөгтэй хууль болсон. Улс төрийн нам, нэр дэвшигч, бие даагчдад ойлгомжгүй байгаа. Тэр бүү хэл СЕХ нь хуулиа тайлбарлаж чадахгүй байна. Сонгуулийн сурталчилгааны 17 хоногт сонгуулийн сурталчилгаа маш хязгаарлагдмал нөхцөлд, хуулийн ихээхэн дарамт дор явагдаж байгаа юм. Миний тооцоолж буйгаар сонгуулийн тухай хуулийн 80 орчим заалт хариуцлага хүлээлгэх тухай байгаа. Маш олон тохиолдолд нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах, их хуралд сонгогдоод түр үнэмлэхээ авсан үед түүнийг нь цуцлах гэхчилэн олон заалт бий. Мөн сурталчилгааны маш энгийн мөртлөө жижиг акц дээр СЕХ гацаад байсан. Тухайлбал, нам ба нэр дэвшигчдийн ухуулагчид намын логог хэрэглэх үү, сурталчилгааны үед лед дэлгэц хэрэглэж болох уу гэхчилэн асуултад СЕХ тайлбар өгч чадахгүй байсан. Уг нь ардчиллын тогтсон жишгээр хуульд заагаагүй бүхэн зөвшөөрөгдөнө гэдэг байлаа. Гэтэл шинэ хуулиар хуульд заагаагүй бүхэн хууль бус үйлдэлд тооцогдоно гээд заачихсан. Тиймээс энэ жилийн сонгууль маш хязгаарлагдмал, хэцүү нөхцөлд явагдаж байна. Нам, нэр дэвшигчид бүү хэл судлаачид хүртэл хэлж ярих, мэдээлэл өгөх бүртээ ямар нэгэн хууль зөрчих вий гэх дарамттай байгаа. Олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр ийм дарамт хэдийнэ үүсээд явж байна.

-Одоогийн байдлаар тодорхой болсон тохиолдол байна уу?

-Зарим аймагт хэн нэгэн иргэн Засаг даргаа муулсан асуудлыг өөрийн фэйсбүүк хуудаснаа шэйрлэтэл намайг гүтгэлээ гээд шүүхэд өгчихсөн байж байна. Гэтэл тухайн иргэн хуулийн нарийн заалтыг мэдээгүй л явж байх жишээтэй. Иргэн мэдээлэлгүй байсны улмаас шүүхэд дуудагдаж байна. Энэ бүхэн сонгогчдын мэдээлэл авах эрхийг хаан боогдуулж байгаа юм. Уг нь сонгогчдын ирц байнга буурч байгаа тохиолдолд сонгогчдод олон талын мэдээллийг хүргэж байж санал өгөх боломжийг нээж өгөх ёстой. Гэтэл зурагт, сонины сурталчилгаа их хязгаарлагдмал байдлаар явагдаж байна. Дээр нь интернэт орчинд элдвийн зүйл шэйрлэх, коммент бичих боломжгүй болж байгаа. Мөн хуулиар зөвшөөрөл олгосон этгээд буюу штабын ухуулагчид сонгуулийн сурталчилгаа хийнэ гээд заачихсан. Тэгэхээр иргэд бие биетэйгээ сонгуулийн талаар, нэр дэвшигчдийн тухай асуудал ярьж болохгүй гээд хуульд заачихсан. Гэх мэтчилэн монголчуудын онцлогт таараагүй хуулийн заалтууд их бий.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нэр дэвшигчид олонд танигдах боломжийг хаачихсан байгаа?

-Сонгуулийн хуулиар бүх нэр дэвшигчийн хэвлэмэл материалд хэмжээ заагаад өгчихсөн. Мөнгөтэй нэр дэвшигч их хэмжээний сурталчилгаа хийгээд мөнгөний сонгууль болчихож магадгүй гэх болгоомжлол байсан. Гэсэн хэдий ч энэ нь иргэдийн мэдээлэл авах боломжийг хязгаарлаж байна. Ер нь сонгуулийн тухай шинэ хууль Япон, Солонгосын өндөр зохицуулалттай, хатуу хуулийг тэр чигээр нь хуулаад авчихсан мэт харагдаад байгаа юм. Солонгосын парламентын сонгуулийн сурталчилгаа 14 хоногт хязгаарлагдмал байдлаар явагддаг. Гэтэл өрнө дахинд сонгуулийн сурталчилгаа маш чөлөөтэй, нээлттэй орчинд явагдаж байна.

Жишээлбэл, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 1.5 жил гаруйн хугацаатай болдог. Ингэж байж иргэд, сонгогчдодоо танигдан сонголт хийх боломжийг өгдөг юм. Гэтэл манайх шиг ардчилсан нийгэмд шилжээд 26 жил болж буй улсад Япон, Солонгосын хатуу хууль тохирохгүй байна. Ер нь сонгууль болоход 10 гаруйхан хоног үлдчихсэн байхад нийт сонгогчдын 35-40 орчим хувь нь хэнд санал өгөхөө шийдээгүй байна. Уг нь өмнөх сонгуулиар өдийд сонгогчдын 80 гаруй хувь нь шийдвэрээ гаргасан байдаг. Яагаад шийдээгүй вэ гэхээр мэдээлэл аваагүй, намуудын мөрийн хөтөлбөртэй танилцаагүй байна. Мөн иргэд улстөрчдөд итгэх итгэлгүй болсон байна гэж дүгнэж байгаа. Ерөнхийдөө мэдээллийн өлсгөлөн, хоосон орон зайд сонгууль болж байна.

Categories
мэдээ цаг-үе

Аялал зугаалгаар явахдаа монгол ахуйг сануулж байгаарай

Далай лам “Жилдээ нэг удаа өөрийн очиж үзээгүй газар руугаа явж байгаарай” гэсэн байдаг. Энэ жишгийг хүмүүс амьдралынхаа мөрдлөг болгочихмоор санагддаг юм. Очиж үзээгүй газар гэхээр заавал гадаад улс байх албагүй л дээ. Эхний ээлжинд Монголынхоо өргөн уудам нутгаар байгалийн сайханд аялах хэрэгтэй. Олон хоногийн аялалд гэр бүлээрээ явахад хамгийн тохиромжтой байдаг шүү дээ. Тиймээс хүүхдүүдээ бага байхаас нь эхлээд эх орноо бүсчлэн аялдаг жишгийг айл бүр хэрэгжүүлээсэй. Аялал олон давуу талтай болохоор сурах зүйл их бий. Мэдээж хэрэг эх оронтойгоо танилцаж байгалийн сайхныг биширнэ гэдэг том боломж. Мөн аяллаар далимдуулан орчин үеийн, тэр дундаа хотод өссөн хүүхдүүдэд монгол ахуйг сануулдаг болмоор байгаа юм. Яагаад гэхээр хотод өссөн хүүхдүүд хөдөө хээр явахад өглөө босоод голын усаар нүүрээ угаана гэхээр санаанд нь багтдаггүй.

Бас гал түлэхэд түлээ хэрэгтэй гэдгийг ч мэдэхгүй байна. Аав нь майхнаа барингаа хүүхдээ ойр хавиас аргал, мод олоод ир гэхээр гайхаж хардаг жишээ цөөнгүй бий. Тэгэхээр зуны амралтаар байгалийн сайханд зугаалангаа хүүхдүүддээ монгол ахуйг бага ч атугай сануулж баймаар санагдах юм. Голын усаар цай чанаж болдог, түлээ модоо өөрөө олдог, уул овоонд идээнийхээ дээжийг өргөдөг, хангайн нэрийг дэргэд нь хэлж болдоггүй зэрэг зан заншлыг танин мэдүүлж явдаг болъё. Тэгэхгүй бол овоон дээр гарч ирээд бие засдаг, гол ус руу бохир зүйлээ хийдэг залуучууд элбэг болсон байна лээ шүү.

Categories
мэдээ цаг-үе

Өөрийгөө шүүж, өөрийгөө торгодог гольфчдын нэг өдөр

Дэлхийн гольфийн түүх 1700-гаад оны үеэс эхэлдэг юм билээ. Шотландчууд анх спортын энэ төрлийг үүсгэж, хөгжүүлсэн гэдэг. Тэр цагаас хойш гольф олимпийн нэгэн төрөл болтлоо хөгжиж чаджээ. Харин манайд энэ спорт хожуу дэлгэрсэн. Монголын анхны гольфчдыг УИХ-ын гишүүн асан, хуульч Ц.Мөнх-Оргил, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, “Өнөөдөр” сонины үүсгэн байгуулагч Ц.Балдорж агсан, Ч.Буд нар тэргүүлдэг. Тухайн үед Монголд гольфийн талбай байгаагүй бөгөөд энэ эрхмүүд гадаадад очиж тоглодог байжээ. Харин өнөөдөр манай улсад тогтмол үйл ажиллагаа явуулж буй гольфийн дөрвөн талбай бий. Зуны улиралд эдгээр талбай дээр тэмцээн уралдаан байнга болж байгаа. Энэ жилийн тухайд гольфчид анхны албан ёсны тэмцээнээ өнгөрсөн бямба гаригт хийлээ. “Скай ресорт”-ын “Mount Bogd” талбайд болсон улирлын нээлтийн тэмцээнээс “Танайд өнжье” булангийнхаа энэ удаагийн дугаарыг бэлтгэв.

Гольфийн тэмцээнүүд голдуу өглөө эрт эхэлдэг ажээ. 9, 10 цагаас хойш эхэлнэ гэж барагтай бол байхгүй. Хагас сайн өдрийн тэмцээн энэ жишгийн дагуу өглөө 8.30 цагт эхэллээ. Тамирчид тэмцээн эхлэхээс өмнө цаг гаруйн өмнө ирдэг ажээ. Эрт ирээд хувцсаа сольж өмсөнө, бие халаалтаа хийнэ. Гэхдээ бусад спортынхон шиг гүйж харайгаад хөлсөө урсгаад байхгүй. Ерөнхийдөө гар, хөлийнхөө булчинг суллаад сунгалтын дасгал хийнэ. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоод хэд гурван удаа босч суугаад дараа нь сунгалтын дасгалаа хийдэг ажээ. Гольфчид ерөнхийдөө ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээл дээр хийдэг сунгалтын дасгалтай төстэй байдлаар биеэ халаагаад талбай руу явлаа. Талбайн наахна талд мөн бие халаах хэсэг бий. Тэнд сагс дүүрэн бөмбөг хол, ойрын зайд цохиж биеэ халаагаад тэмцээн эхлэхэд бэлэн болов. Хувцасны тухайд гэвэл тодорхой стандарттай. Талбайд гарч буй тоглогч заавал ч үгүй босоо захтай цамц өмсөнө. Мөн жинсэн өмд өмсч болохгүй. Даавуун өмд юм уу шорттой тоглоно. Хэрэв шорт өмсч байгаа бол цагаан оймстой талбайд гарахыг зөвшөөрөхгүй. Харин өмдтэй тохиолдолд оймсны өнгө ямар ч байж болдог гэсэн. Пүүзний тухайд уландаа арзгартайг сонгоно. Гэхдээ хөлбөмбөгчнийх шиг том, том арзгартай ч биш. Өвсийг сэндийчихгүйн тулд маш нарийн арзгар, тэгсэн мөртлөө бөмбөг цохих үед халтирахгүй, газарт бага зэрэг шигддэг гутал өмсдөг ажээ.

Энэ удаагийн тэмцээнд 40 гаруй тамирчин оролцлоо. Олон тамирчинтай тул хоёр хуваагдан талбайгаа тойрч тоглохоор болов. Ингээд гурав, гурваараа нийлээд тоглолтоо эхлүүлсэн юм. Гольфийн талбай 18 нүхтэй. Хэрэв 18 нүхэнд нийт 72 цохилтоор бөмбөгөө оруулж чадвал маш том амжилт. Дэлхийн мэргэжлийн тамирчид иймэрхүү маягаар тоглодог. Гэхдээ сүүлийн үед сонирхогчдын дунд 72, тэр бүү хэл хасах оноотойгоор буюу 72-оос бага цохиж тэмцээнээ дуусгаж буй тамирчин олон болж байгаа гэнэ. Манай тамирчдын тухайд дунджаар 78 цохиж байгаа гэх судалгаа бий. Гэхдээ энэ тоо жил ирэх тусам улам багасч байгаа юм байна. Үүгээр ч зогсохгүй хоёр жилийн өмнө манай шилдэг тамирчдын нэг Д.Өлзийдэлгэр Тэрэлж дэх гольфийн талбайд болсон тэмцээний үеэр 72 цохиж том амжилтын эзэн болжээ. Түүний энэ тэмцээнийг гольфчид өнөө хэр дурсан ярьдаг юм билээ. Дэлхийн мэргэжлийн гольфчдын дээд амжилт -6 буюу 66 цохилт байгаа гэсэн.

Тэмцээн эхлэхийн өмнө тамирчид хоорондоо элдэв зүйл ярилцан инээлдэж байсан бол яг тоглож эхлэх үедээ ерөнхийдөө дуугаа хураачихдаг ажээ. Ялангуяа нэгийгээ бөмбөг цохих үед чанга ярих бүү хэл дуугарах ч үгүй. Бас илүү дутуу хөдөлгөөн хийхгүй. Яг л өөрөө цохих гэж буй мэт анхааралтай, чимээгүй ажиглана. Учир нь бөмбөг цохих гэж буй хүн анхаарлаа дээд цэгтээ төвлөрүүлж буй учраас түүнд саад болж болохгүй. Харин цохисон хойно нь бөмбөгийг харж байгаад “Суу, суу, суу. Суу л даа” гэхчилэн сэтгэл хөдлөлөө гаргаж байв. Суу гэж байгаа нь бөмбөг хүрэх ёстой замаасаа хэтрээд явчихвал зогс гэж байгаа утгатай. Мэдээж хэрэг нэг нүхнээс нөгөө рүү хүрэх замд янз бүрийн саад бэрхшээл бий. Жаахан буруу цохичихвол ус руу яваад орчихно, эсвэл элс, чулуу, өндөр бутан дунд ч орчихож магадгүй. Тэр бүх саадыг тооцоолон цохих хэрэгтэй. Тиймээс гольфчид бөмбөгөө харж байгаад дотроо бодож буй бүхнээ ил гаргана. Эвгүй саад руу орох гээд байвал наанаас нь “Суу” гэхээс гадна, “Одоо жаахан эргэчих” гэхчилэн аргадсан өнгөөр ярина. Ер нь цохисон бөмбөгөө яг л амьтай мэт санан ярьж сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг ажээ. Гурван хүн хамтдаа тоглож байвал бүгдээрээ цохиж дуусаад хамт хөдөлнө. Ингэхдээ нэг нь сайн цохивол “Өө мундаг. Маш сайхан цохилоо” гэхчилэн урамшуулсаар дараагийн цэг рүүгээ явдаг юм байна. Тус талбай элс, хайрган саадаас гадна усан саадтай. Дээрх саадуудыг зориудаар бий болгож олон улсын стандартын дагуу барьжээ. Ингэхдээ таван ч хиймэл нуур хийсэн гэсэн. Уг хиймэл нууранд нь усны шувууд ирж, буцдаг болоод хоёр жил болж байгаа гэнэ. Өнгөрсөн жил хоёр хун зусаад буцсан бол энэ жил хэдэн ангир ирчихсэн байна лээ.

Ийн тоглоход тэдэнд caddie охидууд тусална. Caddie гэдэг нь нэг ёсондоо туслах гэсэн үг. Тэд нэг, нэг гольфчныг дагаж явах бөгөөд цохиурыг нь ойртуулж өгөх, бөмбөгөө хамт хайх гэх мэтээр тоглогчдыг цагаа хэмнэхэд тусалдаг ажээ. Гольфчид нэг тоглолтод 14 цохиур хэрэглэдэг. Хол ойр, хөөргөж эсвэл намхан цохихоос хамаарч цохиураа сонгодог юм байна. Заримдаа зайгаа тааруулаад цохих үед гэнэт салхилаад элс, эсвэл битүү хайрган дунд бөмбөгөө оруулчихна. Тиймэрхүү саад гольфчдоос тоглолтын ур чадвар ихээхэн шаарддаг ажээ. Энэ мэтээр бөмбөгөө цохиж явсаар 18 нүхийг дуусгана. 18 нүхийг хамгийн цөөн цохилтоор дуусгасан хүн хожих ёстой. Гэхдээ тэдний тоглолтыг хэн ч шүүхгүй. Ер нь дэлхий дээрх шүүгчгүй, өөрөө өөртөө торгууль ноогдуулдаг ганц спорт ч байж мэдэх юм. Учир нь гольфийн талбайд шүүгч байдаггүй. Тамирчид өөрөө өөрсдийгөө шүүгээд явна. Бас өөртөө торгууль оногдуулдаг гэдгийг сонсоод өөрийн эрхгүй инээд хүрч “Тэгвэл өндөр бооцоотой тэмцээнд түрүүлэх амархан юм биш үү” гээд хэлчихсэн чинь буруудав. Бүгд л энэ нөхөр чинь юу яриад байна аа гэх хачин харцаар ширтээд “Гольфчдод худлаа ярина гэх ойлголт байдаггүй” гэж товчхон тайлбарлав. Хэрэв худлаа хэлбэл, нэгдүгээрт, хамт тоглож буй нөхөд нь анзаарна. Тэгснээр дараа түүнтэй хамт тоглох хүн олдохгүй. За яахав гээд бусдыгаа хуурлаа гэж бодоход өөрөө өөрийгөө хуурсан нь насан туршид нь бодогдоод бараг л сэтгэлийн тамд унадаг бололтой юм. Ер нь гольф гэдэг хамгийн өндөр ёс зүйтэй спортын нэг юм билээ. Талбай дээр гарсан л бол бие биедээ хүндэтгэлтэй хандан хараал хэлж огт болохгүй, маргалдана гэсэн ойлголт байхгүй. Бусад спортын төрлүүд шиг талбай дээр гарсан л бол хоорондоо ширүүн өрсөлдөнө гэж байхгүй. Ингээд бодохоор уйтгартай ч юм шиг. Гэхдээ яг өөрөө тоглоод, спортоо мэдрээд явбал тун сонирхолтой байдаг гэсэн.

Гольфийг баячуудын, бас хөгшчүүдийн спорт гэх нь бий. Гэвч талбай дээр тоглож буй гольфчдын дунд залуу хүн олон байв. Хорь нэлээн гарч гучин нас дөнгөж өнгөрч яваа болов уу гэмээрнасныхан дийлэнх нь ажээ. Тэд өөрсдийнхөө сонирхлоор уг спортоор хичээллэж эхэлсэн юм байна. Тиймээс хөгшчүүдийн сонирхдог спорт гэж хэлж болохооргүй юм билээ. Харин баячуудын спорт гэдэг ойлголтын тухайд талбайн үнэлгээнээс хамаардаг байж магадгүй юм. Учир нь “Mount Bogd” талбайд 18 нүхэнд нэг удаа тоглоход ажлын өдөр 165 мянга, амралтын өдөр 195 мянган төгрөг төлнө. Энэ бол ганцхан удаа тоглох үнэ. Хэрэв байнга тоглож эхэлбэл сар, улирлын багцад хамрагдаж болох юм билээ. 40 удаа тоглох эрхээ нэг дор авбал нэг тоглолтын үнэ 132 мянган төгрөг болж хямдардаг гэсэн. Мөн Монголын гольфийн холбооны гишүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг гэж байлаа. Цохиурын тухайд брэндээсээ хамаараад харилцан адилгүй үнэтэй. Гэхдээ шинээр гольф сонирхож буй хүмүүс ахмад тамирчдынхаа хэрэглэж байсан хуучин цохиурыг голдуу авдаг ажээ. Ахмадууд хуучин цохиураа 100-200 ам.доллараар залуучууддаа өгнө. Гэхдээ ихэнх нь “Энэ спортоор уйгагүй хичээллээрэй, амжилт хүсье” гээд мөнгө төгрөг гэлгүйгээр бэлэглэчихдэг гэсэн. Мөн тус талбайн хамт олон 12-26 настай хүүхэд, залууст үнэ төлбөргүйгээр зургаан долоо хоногийн гольфийн хичээл явуулдаг ажээ. Уг сургалтад хүссэн хүүхэд бүр хамрагдах боломжтой. Мөн эмэгтэйчүүдэд цагийн 10-20 мянган төгрөгөөр хичээл заадаг гэсэн. Ингээд бодохоор зөвхөн баячуудын спорт гэж ойлгож болохгүй юм. Ер нь гольфоор хичээллэхийн ач тус их. Хүүхэд, залуус энэ спортоор багаасаа хичээллэвэл аливаа асуудалд нухацтай ханддаг болдог гэнэ. Ялангуяа яаран шийдвэр гаргахгүйгээр, асуудлыг өргөн цар хүрээнд сэтгэж байж шийдвэр гаргах хүмүүжлийг гольф өгдөг ажээ. Мөн ёс зүйн асар өндөр боловсрол олгодог гэсэн. Тийм болохоор Харвардын сургуулийн хичээлийн хөтөлбөрт гольф багтдаг юм байна. Түүнчлэн нэгэнт тоглоом эхэлсэн л бол цаг агаар, хувийн асуудал яаж ч өрнөсөн бай тоглолтоо заавал дуусгадаг. Энэ чанар нь эхлүүлсэн ажлынхаа ард гарах зарчмыг суулгадаг онцлогтой. Эрүүл мэнд талаасаа цэвэр агаарт, байгалийн сайханд дөрвөөс таван цаг алхдаг болохоор тэр хэрээр хөдөлгөөний дутагдал, стрессээс ангижирдаг гэж байлаа.

Эндхийн гольфийн талбайд сүүлийн хоёр жил нэг асуудал үүсдэг болжээ. Тэр нь хэрээ. Тамирчид бөмбөгөө 300-400 метрийн зайд цохьчихоод араас нь алхаж байх хооронд бөмбөгийг нь хэрээ зуугаад явчихдаг болжээ. Хэрээ бөмбөгийг өөр шувууны өндөг байна гэж андуурдаг бололтой. Нэгэнт зуугаад явчихсан бөмбөгийг буцааж олж ирнэ гэж байхгүй учраас шинэ бөмбөгөөр тоглолтоо эхлүүлдэг гэсэн. Уг нь тоглоомын дүрэмд тоглолтод орсон бөмбөгийг гараараа, эсхүл өөр ямар нэгэн байдлаар хөдөлгөж болдоггүй ч гэлээ нэгэнт өөрсдийнх нь буруугаас болоогүй тул шинэ бөмбөгөө багцаалдаж тавьж байгаад тоглоомоо үргэлжлүүлдэг гэнэ. Ийн тамирчидтай гольфийн ертөнцийн талаар ярилцаж явсаар 18 нүхээ дуусгав. Эхэлсэн газраа буюу гольфчдын байрладаг газар иртэл тамирчдын түрүүч тэмцээнээ дуусгаад цугларч байв. Бүгдийнх нь амжилтыг томоо гээчийн самбар дээр тэмдэглэдэг аж. Тэндээсээ хэн, ямархуу амжилттай байсныг харж болно. Дагаж явсан гурван тамирчин маань өөрсдийнхөө оноог бичсэн цаасаа өгтөл бөөн шуугиан, алга ташилт болоод явчихав. Яав гээд анзаартал энэ өдөр Монголын гольфийн түүхэн дэх сонин тохиолдлын нэг болжээ. Учир нь Ч.Даваахүү гэж тамирчин 13 дугаар нүхийг ганцхан цохилтоор дуусгажээ. Энэ амжилтыг “Hole in 1” гэж нэрлэдэг юм байна. Ийм тохиолдол гольфийн тэмцээнд маш ховор тохиолддог ажээ. Бүр 10 мянган цохилтод ганц удаа тохиох тун ховор боломж юм байна. Тиймээс гольфчид үүнийг сонсоод бөөн баяр болж байв. Дашням, балжиннямтай өдөр гэдэг шиг өнөөдөр гольфчдын хувьд Даваахүүтэй өдөр болж байна гэлцээд л. Тэрээр 170 гаруй метрийн зайнаас нүхээ чиглүүлээд цохитол бөмбөг их ойрхон буучих шиг болжээ. Тэгээд хараад л байж, гэтэл туслагч охидын нэг нь бөмбөг алга болчихлоо гэж орилсон гэнэ. Ингээд яваад очтол бөмбөг нүхэнд орсон байжээ. Тэрээр “Ёстой аз од минь гийсэн өдөр байна. Ганц цохилтоор оруулна гэж огт төсөөлөөгүй. Өөрийнхөө хэмжээнд цохитол нүхэнд орчихсон байж” хэмээж байв. Түүний хувьд сүүлийн таван жил гольфоор хичээллэж байгаа юм байна. Таван жилийн дараа ийм амжилт үзүүлсэндээ маш их баярлаж байна гэдгийг хэлж байв. Угаасаа иймэрхүү тохиолдол манай гольфчдын дунд тун цөөхөн тохиолддог гэсэн. Тиймээс томоохон ивээн тэтгэгчтэй буюу “Monnis cup”, “Nissan cup”, “Range rover cup” зэрэг тэмцээний үеэр “Hole in 1” буюу ганцхан цохилтоор нүхэнд оруулсан тамирчныг борлуулж буй автомашинаараа байлдаг гэсэн. Гэхдээ одоогоор тийм тохиолдол гараагүй байгаа ажээ.

Дэлхий даяар 60-70 сая гаруй гольфчин байдаг гэнэ. Манайд тогтмол тоглодог 70-80 хүн байдаг. Ажлынхаа зав чөлөөгөөр тоглодгийг нь нэмбэл 100 давах юм билээ. Мөн эмэгтэй тамирчид бий. Тэд “Монголын эмэгтэй гольфчдын холбоо”-той. Уг холбоонд 40 гаруй хүн гишүүнчлэлтэй гэсэн. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол тогтмол тоглоод байж чадахгүй ч гэлээ жилдээ нэг удаа улсын аварга шалгаруулах тэмцээнээ хийчихнэ. Мөн холбооных нь зүгээс дэмжээд гадаад, дотоодын тэмцээнд явуулдаг гэсэн. Одоогоор сүйдтэй амжилт гаргаагүй байгаа ч гэлээ улсынхаа нэрийг гаргаад, туршлага судлаад, дараагийн үеэ бэлтгээд явж байдаг ажээ. Харин “Монголын гольфийн холбоо”-ныхон эмэгтэйчүүдээ бодвол жил бүр 20-30 тэмцээнийг ивээн тэтгэгчидтэйгээ хамтран зохион байгуулдаг юм байна.

Хоёр жилийн өмнө Азийн гольфийн холбооны ерөнхийлөгч нар манай улсад иржээ. Тэд “Скай ресорт”-ын талбайтай танилцаад олон улсын стандарт хангасныг сайшаан магтжээ. Нэгэнт ийм талбайтай болсон учир 2019 онд олон улсын тэмцээн зохион байгуулъя гэж ярилцаад явсан байна. Тэд Монголыг зорин ирсэн нь учиртай гэсэн. Яагаад гэвэл гольф өндөр хөгжсөн Азийн орнуудад улирлын хамгийн идэвхтэй үе гэгддэг зургаа, долоо, наймдугаар сард хэт их халуун байдаг учраас тоглоход төвөгтэй байдаг гэнэ. Харин тэр үед Монголд ирж тогловол цаг агаар тун аятай сайхан байх ажээ. Тиймээс Азийн гольфийн холбооныхон тамирчдаа зуны гурван сард Монгол руу явуулах, манайд олон улсын чанартай тэмцээн уралдаан хийх боломжийг судалж байгаа юм байна.

Ийн гольфийн спортын сонин хачин, тамирчдын баримталдаг дүрэм журамтай танилцаж нэг өдрийг өнгөрөөлөө. Ямартай ч гольфчид бусдыг хүндлэх, аливаа асуудалд нухацтай хандах, шулуун шударга байх гэхчилэн ёс зүйн асар өндөр шаардлагыг өөрсдөдөө тавьдаг ажээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар хүүхдийнхээ дэргэд архи ууж болохгүй

УИХ-ын хаврын чуулганы тавдугаар сарын 19-ний нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Үүний өмнө манай улс 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай бие даасан хуулийг баталж байлаа. Ингэснээр гэр бүлийн хүчирхийлэлд тодорхой хэмжээний хариуцлага хүлээлгэх хуулийн орчинтой болсон юм. Шинээр баталсан уг хуулийг эрх зүйн шинэтгэлийн хүрээнд батлагдсан Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдтэй харилцан уялдуулан боловсруулсан байна. Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч гэр бүлийн бусад гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрхзүйн үндсийг тогтоох зорилготой бөгөөд зургаан бүлэг 42 зүйлтэй ажээ.

Өмнөх хуулиар гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч хамтын амьдралтай хүмүүс, хүүхдийг гэр бүлдээ авч хүмүүжүүлж буй, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосны үр дүнд тухайн иргэний асрамжид байгаа этгээд хамаардаг байсан. Тэгвэл шинэ хуулиар тодорхой нөхцөл шалтгааны улмаас тухайн гэр бүлд амьдарч байгаа хүн бүр хамаарах юм. Мөн өөрсдийн болон үрчлэн авсан хүүхэд нь тусдаа амьдарч байгаа бол, салсан нөхөр, эхнэр, өмнө нь хамтран амьдарч байсан хүн, хамтран амьдраагүй ч гэлээ дундаасаа хүүхэдтэй хүмүүс нэгэн адил хамаарч байгаа ажээ. Нэг ёсондоо хамрах хүрээ нь тэлсэн гэсэн үг.

Хуулийн нэр томьёоны тодорхойлолтод мөн хэд хэдэн заалт нэмэгджээ. Тухайлбал, сэтгэл санааны хүчирхийлэл гэсэн заалт орсон байна. Нэг этгээд нөгөө этгээдийнхээ хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэвэл гэм буруутайд тооцогдох ажээ. Тэгэхээр нөхрөө элдэв бусадтай хардан цаг ямагт нөхрөө зовоогоод байвал энэ хуулийн бусадтай харилцахыг хязгаарласан гэх үндэслэлээр гэм буруутай болж мэдэх юм. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхийг хориглох тухай зүйлд “хохирогч гомдлоосоо татгалзсан буюу хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг зогсоох үндэслэл болохгүй” гэж заажээ. Ингэснээр хохирогч ямар нэгэн байдлаар дарамтлуулах, эсхүл мөнгө төгрөгөөр тохиролцон хэргийг хэрэгсэхгүй болгодог байдлыг үгүй болгож байгаа юм.

Харин Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээ гэх гуравдугаар бүлэгт “…мэдээлэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах арга хэмжээг шуурхай авах үүрэгтэй” болжээ. Түүнчлэн “Бусдын орон байх, эзэмшил газарт шүүгчийн зөвшөөрөлгүй нэвтрэн орж үзлэг, нэгжлэг хийх, шаардлагатай бол баривчлах, хураан авах ажиллагаа явуулна” гэжээ. Ингэснээр гадаа гудамж талбайд эхнэрээ, эсвэл хэн нэгний хүүхдийг цохиж зодвол шууд гэмт хэрэгт тооцогдох болжээ.

Мөн гэртээ эхнэрээ зодох, мөн адил хүүхдээ балбахад ямар ч хариуцлага хүлээлгүй өнгөрдөг байсныг шинэ хуулиар зохицуулж өгсөн байна. Түүнчлэн гэртээ эхнэр, хүүхдээ зодож байхад айл хөрш нь дуудлага өгч, хорооны цагдаа ирээд эвлэр гээд буцах эрхгүй болж байгаа. Мөн гэрт нь орж болдоггүй байсныг шинэ хуулиар нээлттэй болгож өгчээ.

Нэг үгээр хэлбэл гэртээ ч бай, гадаа гудамжинд ч бай ямар нэгэн байдлаар эхнэр, нөхөр, хүүхдэдээ гар хүрсэн тохиолдолд гэмт хэргийн бүрэлдэхүүнд тооцогдох заалттай болж байгаа юм байна. Мөн цагдаагийн байгууллагын бие төлөөлөгч тухайн хохирогчийг гэр орноосоо хувцас, эм, эмчилгээний хэрэгсэл, бичиг баримт, хүүхдийн сургалтын хэрэгсэл зэрэг нэн шаардлагатай хэрэглээний эд зүйлээ авахад нь туслалцаа үзүүлэх, хүчирхийлэл үйлдэгчээс шаардан гаргуулах үүрэгтэй юм байна. Энэ мэт байдлаар гэр орноосоо гараад ирсэн хохирогчдод нийгмийн ажилтан тусламж үзүүлэх үүрэгтэй. Тухайлбал, хохирогчийг асрамж, халамжийн хувилбарт үйлчилгээ болон нийгмийн халамжийн тэтгэмжид хамруулах, шаардлагатай бусад үйлчилгээнд холбон зуучлах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээжээ.

Энэ хуулийн дөрөвдүгээр бүлэг хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах тухай юм. Уг бүлгийн 26.3 дахь заалтаар “…хүүхэдтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, ялгаварлан гадуурхах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, заналхийлэх, хүч хэрэглэх, зодож шийтгэх, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх хэлбэрээр хүүхдийн бие махбодод халдах, үл хайхрах, хүүхдийн дэргэд архидан согтуурах, мансуурах, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно” гэжээ. Ингэснээр аав, ээжүүд хүүхдийнхээ дэргэд архи уувал гэм буруутай болох юм байна. Ер нь шинэ хуулиар хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэсэн бүлэг нэмэгдэж байгаа нь өндөр ач холбогдолтой. Хүүхдүүд хүчирхийлэлд өртсөнөө төдийлөн мэддэггүй тул тухайн хүүхдийг хүчирхийлэлд өртсөнийг хэн нэгэн мэдвэл уг асуудлыг мэдээлэх нь иргэний үүрэг байхаар зааж өгчээ. Мөн хүүхэд хүчирхийлэлд өртөж байхыг харсан хүн холбогдох газарт мэдээлэх ёстой гэжээ. Хэрвээ иргэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд мөн л хариуцлага тооцох юм байна.

Мөн төсөлд хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний зохицуулалтыг цогц байдлаар томьёолж, үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, тэдэнд үзүүлэх дэмжлэгийн хэлбэрүүдийг шинээр оруулахаар мөн тусгасан байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Цолмон: Н.Энхбаяр бид хоёр шиг ийм баялаг амьдралтай хүн тийм олон биш байх аа

Монгол улсын гурав дахь тэргүүн хатагтай О.Цолмонтой ярилцлаа.

-Таны бага насны талаар яриагаа эхэлье.

-Би их азтай хүн л дээ. Ямар утгаараа гэвэл 24 нас хүртлээ хоёр эмээ, хоёр өвөөдөө эрхэлж өссөн. Ийм тохиолдол их ховор байдаг шүү дээ. Аав, ээж хоёр маань хоёулаа айлын том хүүхдүүд. Завгүй үедээ намайг аль нэг өвөө, эмээгийнд аваачаад өгчихнө. Ингэж л хоёр талынхаа өвөө, эмээд эрхэлж өссөн дөө. Тэдний хувьд би анхных нь зээ, анхных нь ач байсан юм. Тэгэхээр аль ч гэрт очсон дархан эрхтэй, хамгийн хайртай хүүхэд нь байлаа. Ингэж өвөө, эмээтэйгээ ойр дотно өссөн болохоор би настай хүмүүст их хайртай байдаг юм. Өвөө, эмээгээ их санадаг учраас цаанаа л нэг сайхан дотно сэтгэгдэл төрүүлнэ. Намайг 24 настай байхад өвөө маань өнгөрсөн. Нөгөө өвөө 35-тай байхад минь бурхан болсон доо.

Удам судрын тухайд гэвэл аавын минь аав гарал үүслээрээ Сэлэнгийнх. Нутаг заагдаж Завханы Тосонцэнгэлд очиж ажиллаж амьдарсан юм билээ. Тэндээ олон жил амьдарсан болохоор сэтгэл зүрхээрээ Завханы хүн болчихсон. Би ч багадаа Тосонцэнгэлд их очдог байлаа. Бүр арван жилийн сургуульд нь хүртэл сурсан. Хүүхэд насны ихэнх сайхан дурсамж энэ сайхан нутагтай холбоотой. Сүүлдээ өөрийгөө Завханы хүн л гэж боддог байлаа. Гэхдээ миний энэ бодол ортой. Өвөөгийн эхнэр буюу эмээ маань Дарьбазар гэж хүн байсан. эмээгийн аав мэргэн гүн Гомбожав гэж хүн байсан гэнэ лээ. Тэр хүн Хөвсгөлийн рашаантынх. Сүүлд эмээгийн ээж салаад Элдэв-Очир гуайтай гэр бүл болсон гэдэг. Очир гуай чинь Нөмрөгийн хүн шүү дээ. Намайг бага байхад Очир гуайн ээж амьд сэрүүн байсан. Манайд ирэх үед нь би өвдгийг нь барьж өгдөг байснаа санадаг юм. Ингээд бодохоор би Завхантай яах аргагүй холбоотой.

-Ээж тань аль нутгийн хүн бэ?

-Ээжийн ээжийг урлагийнхан мэднэ дээ. Ш.Долгор гэж хүн байсан. Бөмбөгөр ногоон гэж байхад уран сайханчдын нэг нь байсан. Одоо ч мэдэх хүн бараг байхгүй болж байна даа. Насаараа л урлагийнхны дунд, амьдрал, хувь заяатай холбогдож явжээ. Эмээтэй ойр дотно, манайд ирдэг байсан хүмүүсээс хамгийн сүүлд ардын жүжигчин Ж.Гантөмөр гуай өөд боллоо. Л.Цогзолмаа гуай бас их орж гардаг байсан даа. Гарал үүсэл гэвэл Увсынх. Харин ээжийн аав маань П.Дармаа гэж Гадаад хэргийн яам байгуулагдах үед хувь нэмрээ оруулж явсан хүн байсан. Бүх амьдралаа энэ байгууллагад зориулсан. Энэ өвөө маань Дундговийнх.

-Тэгэхээр таныг гарал үүслийн хувьд Дундговь, Завхан, Хөвсгөл гээд олон нутагтай холбож болох нь ээ?

-Намайг харин хүмүүс шоолоод байдаг юм. Энэ Цолмон хаана ч очсон зохицоод, тэндхийнх болоод хувирчихдаг гэж. Миний удам судар байгаа нь л энэ шүү дээ. Манай эмээ буюу мэргэн гүн Гомбожавын удмынхан бол үе дамжсан сэхээтэн улс. Ээжийн талынхан бол малчин гаралтай сэхээтнүүд.

-Өвөө, эмээгийн дэргэд өссөн хүүхдүүд цаанаа нэг зөв хүмүүжсэн байдаг. Таны тухайд буурлуудаасаа ямар зан чанарыг нь өвлөж авсан бэ?

-Зааж сургаж байсан алтан сургаалыг сонсож байсан боловч яг мөрдөж байгаагүй юм шиг байна лээ. Одоо өөрийгөө зэмлэж байдаг юм. Залуу хүн чинь бас тэгж их сургаалыг нь сонсоод, дагаж мөрдөөд байдаггүй юм байна. Өөртөө их итгэлтэй, бардам, өөрийнхөөрөө явах дуртай байж. Сүүлд бодох нь ээ, өвөө эмээгийн хэлж ярьж байсан бүхэн алтан сургаал байж дээ гэж орой руу орж байна. Тосонцэнгэлд байсан эмээ минь асар их тэвчээртэй, хүнд муугаа үзүүлэх дургүй хүн байсан. Уйлдаггүй, өрөвдүүлэх дургүй, зовлонгоо хүнд харуулахыг хүсдэггүй, асар их сэтгэлийн хаттай хүн байж. Хатуу биш мөртлөө сэтгэлийн хаттай тийм л хүн байсан. Тэгсэн мөртлөө ямар их даруухан хүн бэ гэж олны гайхлыг төрүүлдэг. Тэр үед өвөө Завханы Тосонцэнгэлийн мод боловсруулах комбинатын дарга байлаа. Дарга хүн учраас өрөөнийх нь гадаа олон хүн уулзах гээд дугаарлаад сууж байдаг. Тэр үед эмээ ч бас олны дунд орчихсон хүлээгээд сууж байдаг байсан тухай хожим нутгийнхнаас нь сонсож байлаа. Эмээ ер нь их боловсролтой хүн байсан, эдийн засагч мэргэжилтэй. Би нэг зүйлийг их тод санадаг юм. Юу вэ гэхээр үдийн цайны цаг болохоор эмээ түрүүлээд явган шогшоод хүрээд ирдэг. Өвөө араас нь машинтайгаа ирнэ. Уг нь тэр хоёр нэг дор ажилладаг байсан юм. Буцаж явахдаа бас эмээ түрүүлж гараад алхана. Өвөө араас нь машинтайгаа гардаг. Машинд нь суудаггүй, тийм сонин даруухан хүн байлаа. Миний санаанд тод үлдсэн энэ дурсамжаа эгчдээ хэлэхээр манай эгч бүүр сонин зүйл ярьдаг юм. Аавыг улс төрийн товчооны гишүүн байхад эгч аавын машинд суугаад явж байж. Тэгсэн автобусны буудал дээр ээж зогсож байхад нь хажууд нь очиж хаалгаа онгойлгон хэд гурван зүйл ярилцаад буцаад явчихсан гэсэн.

-Онцгой даруухан хүний л зан байж дээ?

-Хүмүүс их л даруухан хүн байсан гэж ярьдаг юм. Уг нь эмээ ноён гаралтай хүн шүү дээ. Тэр утгаараа эрх ямбатай баймаар. Гэтэл тийм байгаагүй. Сүүлд би энэ тухай их ухаантай хүнд ярьтал “Наадах чинь даруу зан уу, агуу их бардам зан уу” гэж байсан. Машин унаахан зэрэг жижиг сажиг юманд даргын авгайн том ямба үзүүлж таашаал авдаггүй агуу их бардам зан юм биш үү гэж байлаа. Энэ эмээгээсээ тийм зан авсан юм уу, би бас аливаа зүйлд уйлж унжаад байхыг хүсдэггүй. Эмэгтэй хүн учраас уйлах үе гаралгүй яахав. Гэхдээ хүний хажууд нулимсаа үзүүлэх зан миний хүмүүжилд байхгүй. Мэдээж хэрэг өрөвдөж, эсвэл баярлаж уйлалгүй яахав. Ийм зүйл дээр хэний ч хажууд байсан хамаагүй нулимсаа гаргачихна. Харин намайг гишгэж, зориуд шударга бусаар дарах гэж байгаа бол уйлахгүй.

Нөгөө эмээ маань дээд зэргийн халамжтай. Гэрт нь ороход л халамж мэдрэгдэж байдаг. Миний охин өлсөж байна уу гэж эхлээд л оймс хүртэл тайлж өгнө. Оройд шар тос, сүүлний тосоор тосолдог. Үр хүүхэд, орсон гарсан хүнийг их л халамжилдаг байж. Бас эмээгийн өвөрт унтах их гоё.

-Сурагч байхдаа ямархуу охин байв?

-Би их олон сургууль дамжсан. Нэгдүгээр ангид орохдоо Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар дунд сургуулийн сурагч болсон. Гуравдугаар ангидаа Завханы Тосонцэнгэлийн арван жилийнх нь сурагч болж байлаа. Дараа нь нийслэлийн нэгдүгээр сургууль, орос сургууль гэхчилэн явж өгсөн. 14 дүгээр сургуульд аравдугаар ангиа төгсөж байлаа. Ер нь хот, хөдөөгийн арван жилийн сургуулиуд ямар байдгийг ёстой нэг өөрийн биеэрээ туулж мэдэрсэн дээ.

-Их сургуульд байхдаа бас шилжсэн гэдэг биз дээ?

-Тэгсэн шүү. Би ёстой нэг нүүдэлчин шиг амьдарч яваа хүн. Эхлээд Тюмень хотын их сургуульд санхүү, эдийн засгийн мэргэжлээр суралцсан. Дараа нь шилжээд Москвагийн Плехановын нэрэмжит сургуулийг төгссөн.

-Таныг олон талын мэдлэг, авьяастай гэдэг. Гадаад хэлтэй, ном их уншдаг, уран зураг сонирхдог, хөгжим тоглодог гээд л…

-Төгс хүн гэж байхгүй шүү дээ. Надаас их мэдлэгтэй, боловсролтой хүн Монголд олон бий. Би өөрийгөө бусдаас илүү гэж бодохгүй байна. Яахав юм юманд сонирхолтой зан бага байхаас л байсан. Ээж намайг дагуулаад театр руу их явдаг байлаа. Харин аав намайг өргөн цар хүрээтэй, эрдэм мэдлэгтэй болгох гэж анхаардаг байсан. Өвөө эмээ, аав ээжийн нөлөөгөөр сониуч зантай болчихсон шиг байгаа юм. Нэг алдартай үг байдаг шүү дээ. Аливаа хүн, ялангуяа өөрийгөө боловсролтой гэж үзэж байгаа хүн нэг зүйлийг төгс эзэмшээд бусад бүх юмны талаар бага зэрэг мэдэх ёстой гэж. Төгс гэдэг нь өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийг сайн эзэмшээд бусдыг нь сонирх гэж байгаа юм. Энэ чинь л амьдралыг баяжуулж байдаг. Заавал тэгж бүхнийг мэддэг, мундаг хүн болох гээд хэрэггүй. Хөгжмийн, уран зургийн ертөнц гэдэг чинь бүгдээрээ нэг, нэг том цонх гэсэн үг. Хүн хичнээн их цонх онгойлгоно тэр хэрээр амьдрал баялаг болно. Нэг төрсөн амьдралдаа юу ч мэдэхгүй сохор, өөрт оногдсон жижигхэн ертөнцтэйгөө зууралдсаар байгаад бусад сайхан зүйлийг олж мэдэхгүйгээр үхчихвэл харамсалтай.

-Нөхөртэйгөө танилцаж байх үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу. Гэр бүлийн амьдралаа тухайн үед төлөвлөж, төсөөлж л байсан байх?

-Тэр үед буюу 1980-аад оны дундуур нэг төрлийн моод байлаа. Коммунист социалист орнуудад системийнхээ сөрөг, эсвэл дутагдалтайг олж харах нь нэг талдаа их гайгүй болчихсон сэхээтний хэмжүүр байлаа. Нөгөө талаасаа эр зориг, зарим хүмүүсийн хувьд моод ч юм шиг байж. Тэр утгаараа янз бүрийн хэлбэрээр болохгүй ном, зохиолыг бие биедээ тараадаг байсан. Миний хувьд хэлмэгдэл гэж юу байдгийг жаахан байхаасаа мэднэ. Мэргэн гүн Гомбожав гэж хүнийг буудан алж байлаа. Саяхан цахим ертөнцөд хэлмэгдсэн, үгүй гэж янз бүрээр л бичиж байна лээ. Хэлмэгдсэн, хэлмэгдээгүй гэдгийг цуг амьдарч байсан биднээс илүү хэн мэдэх вэ дээ. Гэтэл янз бүрийн хар пиарын төлөө бүхэл бүтэн хүний хувь заяаг шүүнэ гэдэг утгагүй. Тэр утгаараа хүн хэлмэгдүүлдэг нийгэмд шүүмжлэлтэй хандах ёстой юм байна гэж бодож байсан. Ганцхан манайх биш зөндөө олон айл хэлмэгдлийн шуурганд өртсөн. Шөнө үүрээр Оросын хар машинууд ирдэг байсан гэсэн. Бидний хэзээ ч давтагдахгүй байгаасай гэж бодож явсан тэр үе өнөөдөр, очиж очиж ардчилсан нийгэмд давтагдаж байгаа нь аймар шүү.

Н.Энхбаярын хувьд тухайн үеийн Оросын хамгийн дэвшилтэт үзэлтэй сургуульд сурч байсан. Москва хотын утга зохиолын дээд сургуулийн багш нар нь их мундаг. Дан ганц утга зохиолоо заагаад дуусахгүй. Гүн ухааны агуулгыг ойлгуулдаг байсан. Тийм болохоор оюутнуудынх нь дунд тухайн нийгмийн болохгүй гэх зохиолууд тардаг байсан. Болохгүй байна гэж анх хэн дуугардаг байсан бэ гэвэл зохиолчид. Манайд ч ялгаагүй шүү дээ. Р.Чойномоос эхлээд дуугарч байж. Н.Энхбаярын хувьд давхар тэр хүмүүжлийг авчихсан байсан болохоор нийгмийн зөв буруу, хүний ёс зүйг их мэдэрдэг байсан. Нэгэнт хүн болоод төрчихсөн юм чинь хүний хамгийн эрхэм чанар юу юм бэ, биеэ яаж авч явах ёстой, юуны төлөө яаж амьдрах, хэзээд баримтлах зарчим юу байх вэ гэхчилэн олон зүйлийг бид хоёр ярилцдаг байлаа. Олон зүйл дээр санал нийлнэ. Маргах үе ч зөндөө гарна. Тэгээд л хоёулаа юу ч бодолгүй амьдарч эхэлсэн. Нэг мэдэхэд улс төр гэх том эргүүлэгт орчихсон байсан даа.

-Монголын улс төрийг Н.Энхбаяргүйгээр төсөөлөхийн аргагүй он жилүүд байлаа. Тэр үеийг та өнөөгийн нийгэмтэй харьцуулахад ямар дүр зураг харагддаг вэ?

-Энэ асуултад би зуун хувь хөндлөнгийн нүдээр хариулж чадах эсэхдээ эргэлзэж байна. Яасан ч гэлээ би энэ хүний эхнэр нь шүү дээ. Н.Энхбаяртай хамгийн ойр байдаг хүний хувьд хэн бэ гэдгийг сайн мэднэ. Тийм учраас түүнийг магтаад байх утгагүй. Эхнэрийн хувьд би тэртээ тэргүй магтана гэдэг ойлгомжтой. Харин хөндлөнгөөс Н.Энхбаярыг магтдаг хүн ч бий, шүүмжлэлтэй ханддаг хүмүүс ч байна. Шүүмжилж байгаа хүнийг сонсохоор Н.Энхбаярын үед авлига, хээл хахуулийн бүх үндэс суурь тавигдсан гэдэг. Гэтэл түүнтэй хамгийн ойр байдаг хүний хувьд Н.Энхбаяр баяжихын төлөө, эд хөрөнгөд шунаж эх орноо байтугай өөрийгөө ч худалдахгүй хүн гэдгийг мэднэ. Ёс зүйн хувьд өөртөө маш өндөр шаардлага тавьдаг. Ер нь өөртөө өндөр шаардлага тавьж байж, өөрөө түүнийгээ сахиж байж бусад хүнээс тийм зүйл шаардах ёстой. Тийм зарчимтай хүн хэзээ ч буруу зүйл хийхгүй. Хамгийн гол нь бусдыг өөр шигээ бодоод байдаг. Одоо л харин бусад хүн тийм биш байдаг юм аа гэдгийг ойлгож байгаа байх. Ер нь хүн болгон холимог шүү дээ. Ямар ч хүний дотор бурхан болоод чөтгөрийн шинж чанар нуугдаж байгаа. Цагаан тал нь илүү давамгайлсан хүн бусдын цагааныг л олж харна. Хар тал нь илүү давамгайлж байвал муу муухайг нь л хараад байдаг. Н.Энхбаяр бол цагаан тал нь давамгайлсан хүн. Тийм болохоор итгэмтгий, хүн таньдаггүй гэх яриа гараад байдаг. Тэр чинь итгэмтгийдээ биш юм. Хүн болгоны цагааныг л олж харж байгаа хэрэг. Юу нь муу байгаа юм бэ. Би тэрийг дутагдал гэж харахгүй байна.

-Та гэр бүлийн хүнээ анх улс төрд ороход нь гэргий хүний хувьд юу бодож, хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Цоо шинэ зүйл гэж хүлээж аваагүй. Манай гэр бүл улс төрийн хэлмэгдүүлэлттэй ойр байсан гэж түрүүн ярьсан. Би өөрөө улс төр, эдийн засгийн ухааны багш байхдаа янз бүрийн ном уншина. Эцсийн эцэст бидний амьдрал яаж ч байсан улстөрчдөөс шалтгаалаад байна. Ямар нийгэмд амьдрах, хаана эрх чөлөөгөө эдлэх, хэрхэн өөрийгөө бүрэн дайчлах вэ гээд олон зүйл улс төрөөс хамаарч байгаа. Нийгэм нь өөрөө буруу байвал ямар ч гоц хүнийг задалж чадахгүй, нэг их гоё зулуудыг бөхөөгөөд байна. Харин Н.Энхбаярыг улс төрд ороход нь би юу ч бодоогүй. П.Жасрай гуай Н.Энхбаярыг дуудаад өөрийнхөө Засгийн газарт орж ажиллахыг урьсан. Гэртээ ирээд надтай зөвлөхөд нь соёл урлагийн салбартаа ажиллах тул чадахгүй гэх биш, ажиллаад үз л гэсэн. Тэгээд ч залуу хүн урагшаа л тэмүүлнэ. Халгаад, айгаад байх зүйлгүй. Шууд сайд бол гэсэн бол мэдээж хэрэг бодох байсан биз. Тухайн үеийн соёл урлагийн хорооны дэд даргаар ажилласан. Улс төрд гэнэтхэн ороод ирсэн хүн биш шүү дээ. Доод шатнаас нь эхлээд явж болох бүхий л замналаар явж байна.

-Нөхөр тань төрийн тэргүүн болж та тэргүүн хатагтай болсон. Тэр бүр эмэгтэй хүнд тохиогоод байх хувь заяа биш шүү дээ. Тухайн үеийн сэтгэгдэл ямар байсан бэ?

-Зарим хүн дарга, сайд болчихоод таашаал аваад байдаг. Надад ерөөсөө тийм мэдрэмж байдаггүй юм аа. Янз бүр болж хүлээж аваагүй. Миний л хувь заяа. Яагаад тэгж их таашаал авах ёстой гэж. Надад ирж байгаа их өндөр хариуцлага шүү дээ. Би тэгж их сүйд болоогүй. Хүмүүс янз бүрээр л боддог шиг байгаа юм. Тэргүүн хатагтай байлаа, дараа нь Н.Энхбаяр шоронд орлоо. Өндрөөс доошоо уналаа гэж хардаг. Энэ бүхнийг би хэвийн хүлээж авдаг. Миний л амьдрал шүү дээ. Харин ч их баялаг амьдрал юм биш үү. Бид хоёр шиг ийм амьдралаар амьдарч байгаа хүн тийм олон биш байх аа.

-Н.Энхбаярыг төрийн тэргүүн байх үед таныг ард нь байгаа гэж ярьдаг байсан. Гэтэл П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн гэргийг тэгж ярьдаггүй. Яагаад тийм яриа гардаг байсан юм бэ?

-Бид хоёрыг, тэр дундаа Н.Энхбаярыг гүтгэх, харлуулах пиар олон жилийн өмнөөс зохион байгуулалттай хийгдсэн юм билээ. Түүнд хамгийн ойр байгаа хүний хувьд би хамгийн түрүүнд багтаж байгаа нь ойлгомжтой. Н.Энхбаярыг Зохиолчдын хороонд ажиллаж байх үеэс нь л манай гэрээр олон найз нөхөд нь орж гардаг байлаа. Тэр үед би зүгээр л цай оруулж тавьчихаад юу яриад байгааг нь ойлгохгүй цааш явчихдаггүй байсан. Угаасаа миний мэддэг сэдвээр ярилцаж байгаа учраас надад их ойр, сонирхолтой санагддаг байж. Тиймээс хамтдаа суугаад санаа бодлоо хуваалцаад явдаг байсан. Тэрнээс хойш хариуцлагатай албан тушаалд очсоноос нь хойш би бүх зүйлд нь оролцоод, үгийг нь таслаад байсангүй. Хүмүүс уг нь мэднэ дээ. Би дуугүй л сууж байдаг байсан. Яагаад тэгж ярьдгийг би мэдэхгүй юм. 2000-2004 онд буюу хамгийн хүчирхэг байх үед нь би нэг ч дарга, сайд, гишүүн рүү хувийн асуудлаар утасдаж, ярилцаж үзээгүй. Тэрийг ажилд оруулаад өг, эсвэл тэр ажлыг бүтээгээд өг гэж байгаагүй. Гэтэл Н.Энхбаярын ард Цолмон бий гэх яриа гараад л байдаг юм. Гэхдээ нэг гэр бүлийнхэн бүгдээрээ бие биенийхээ ард байдаг биз дээ. Ханилсан ханийнхаа ард зогсох нь яагаад буруу гэж. Ядраад ирэхэд нь яасан, зүгээр үү гэж асуух хань нь би шүү дээ. Ард нь байхын төлөө л ханилж байгаа биз дээ. Энэ бол зүгээр л хань хүний шинж. Чи ч гэсэн санах юм бол аав ээж чинь нэг нэгнийхээ ард зогсож л байсан байж таараа. Яахав, жаахан дээшээ гарчихаар хүний амьдрал хэтэрхий тод болчихдог. Яг л томруулдаг шилээр харж байгаа мэт. Түүнээс биш энгийн айлд эхнэр нь нөхрөө залах тохиолдол байж л байдаг. Тэрийг нөхрийнхөө ажилд оролцдог гэж ойлгож болохгүй биз дээ. Тэр байтугай нөхөртөө пээдгэр хүмүүс байдаг л юм билээ. Би Н.Энхбаяраас эмээнэ. Урдуур нь орж ярих, яриаг нь тасалбал намайг загнана. Тэр байтугай би зэрэгцэж ч явдаггүй байсан. Одоо бол сайхан хамтдаа сугадалцаад явж байна. Түүнээс биш төрийн алба хашиж байхад нь дандаа хоёр алхмын хойно явдаг байлаа.

-Ажилд нь оролцдоггүй гэж ярьж байгаа хэдий ч өнөөдрийн байдлаар та нөхрийнхөө нэр дэвших гэж байсан тойрогт өөрөө дэвших гээд явж байна. Яагаад ийм шийдвэр гаргах болов?

-Сайн ч үед, муу ч үед хүний хань гэдэг дуустлаа цуг явах ёстой. Манай намынхан “Цолмон эгч ээ, өнөөдрийн байдлыг харахад хуулийг ингэж урвуулаад даргыг өрсөлдүүлэхгүй гэж байна. Энэ янзаараа даргын хэлмэгдлийг зогсоохгүй нь. Анхнаасаа та хамтдаа тэмцсэн ханийн хувьд тойрогт нь өрсөлд. Гаднаас нь, гудамжинд тэмцээд амжилт олохгүй” гэсэн. Тэр л надад нөлөөлсөн. Би СЕХ-нд сонголт байсан гэж үзэж байгаа. Цагдаагийн газрын шийдвэрийг үндэслэх үү, Хүний эрхийн комиссынхныг дагах уу гэсэн хоёр сонголт байсан. Гэтэл сонголтоо ингэж хийсэн.

-Н.Энхбаярыг өш хонзонгоо авахын тулд улс төр рүү зүтгээд байна гэдэг. Үнэхээр тийм их хонзон байна уу?

-Тэмцэл гэдэг бол өш хонзон санах зүйл огт биш. Ямар ч өш хонзон байхгүй. Бидний нийгэмд яагаад ийм зүйл тохиолдсон юм бэ. Нийгэмд тогтчихсон байсан хууль дүрэм, уур амьсгал ийм учир дутагдалтай байсан юм байна даа. Сайн биш хүмүүс өөрийнхөө хувийн эрх ашигт нийцүүлж сайн биш үйлдэл хийх боломж, нүх, зай байсан юм байна. Тэрийг ашиглаад муухай зүйл хийж байна. Хамгийн аймшигтай нь үүнийг ашиглаад дараа дараагийн үедээ жишиг болгочих вий дээ. Бидэнд ямар ч өш хонзон байхгүй. Өш хонзон гэдэг муу зүйл хийсэн хүний муу үйлдлийг улам лавшруулж байна гэсэн үг. Хэрвээ өш санавал тэр хүний хийсэн муу зүйлийг улам баталж байгаа хэрэг. Зүгээр л өөр хүнд, бие биедээ муу зүйл хийхгүйгээр засах ёстой. Ингэж чадвал жинхэнэ ялалт. Хувь хүнээс өш хонзонгоо авч байна гэдэг тэр хүнтэй адилхан болчихож байна гэсэн үг. Давах ёстой, муу зүйл хийсэн хүнийг өрөвдөх ёстой. Дотроо атгаг санаатай хүн уужуу, аз жаргалтай амьдарч чадах уу.

-Таны хувьд УИХ-д нэр дэвшинэ гэдэг гэнэтийн шийдвэр байв уу?

-Би СЕХ миний нөхрийн хувьд шударга шийдвэр гаргана гэж горьдож байсан. СЕХ-нд ажиллаж байгаа дөрвөн хүнийг нэлээн сайн танина. Заримтай нь цуг ажиллаж байсан, заримтай нь найзалж байлаа. Тийм хүмүүс ийм шийдвэр гаргаж байна. Тэд муу хүн биш, тэнэг биш. Гэтэл хүн гэдэг нийгмээ дагаад муухай болчихдог юм байна. Н.Энхбаярыг дэвшүүлэхгүй гэхэд намынхан маань аргагүй байдалд хүрлээ, танд л боломж байна гэсэн.

-Харин Н.Энхбаяр танд юу гэж хэлсэн бэ?

-Хоёулаа яах вэ гэж байсан. Манайхан дэвш гэхэд харин ээ гэж байснаа сүүлдээ дэвш дээ гэсэн.

-СЕХ-г шийдвэр гаргахаас өмнө Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан өлсгөлөн зарласан. Танай гэр бүл өвдөхийн зовлонг мэднэ. Тэр утгаараа санаа зовж байв уу?

-Хамгийн чухал нь эрүүл мэнд шүү дээ. Эрүүл мэндэд нь санаа зовж байсан. Санаа зовлоо гээд боль гэж хэлж чадахгүй. Өөрөө нэг зүйлийг шийдээд тогтчихсон байхад нь би дундуур нь орвол уурлана. Өөрийнхөө тэмцлийг өөрөө мэдээд хийж байгаа болохоор дундуур нь орж чадахгүй. Ус сайн уугаарай, сайн унтаж байгаарай, биеэ бодоорой гэж хэлэхээс өөр ямар ч арга байхгүй. Манай Н.Энхбаяр зоригтой, хийморьтой. Тэрийг нь мохоохгүйн тулд эр хүний өөрөө өөртөө итгэх итгэлийг нь бадрааж өгөх хэрэгтэй.

-Та улс төрд орсноор юуг өөрчилж чадах юм бэ. Юуг өөрчилье гэж бодож байна?

-Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчээр би тэрийг яримааргүй байна. Би юунд хамгийн их эмзэглэж байна вэ гэвэл манай монголчууд их эвдэрч байна. Би үүнд хамгийн их эмзэглэж байна. Миний залуу үед, 1990-ээд оны эхэнд хүмүүс ямар байлаа даа. Одоогийн улс төрийн өнгийг зааж байгаа улстөрчидтэй бид нэг үеийнхэн. Тэр хүмүүс залуудаа ямар байсныг нь би мэднэ. Ийм байгаагүй. Залуу хүний ёсзүйтэй, сайн мууг ялгадаг, хүн чанартай, өөрийн гэсэн зарчимтай байсан. Бүгд л тийм байсан. Гэтэл одоо танихгүй болтол өөрчлөгдчихөж. Яхир, харгис, зуумтгай, өршөөлгүй, их муухай болчихсон байна. Хоёрдугаарт, залуус миний залуу байх үеийнхээс өөр болчихож. Амьдралын үнэт зүйлс нь арай өөр болж хэлбийгээд өнгө мөнгийг гол зорилгоо болгочихсон байна. Хамгийн чухал нь л энэ гээд ойлгочихсон. Уг нь монгол хүн өр зөөлөн байдаг даа. Монголчууд цөөхүүлээ байж ингэж хурдан эвдэрч байгаад их эмзэглэх юм. Өөр аль нэг улс шиг олуулаа байсан бол өөр хэрэг. Гэтэл өнөөдөр яаж бие биетэйгээ харгис хандаж байгааг нь хар л даа. Нэгийгээ идэхэд бэлэн байна. Саяхан шүү дээ, 20 жилийн өмнө Н.Энхбаяртай найз гээд явж байсан хүмүүс өнөөдөр амийг нь таслахад бэлэн байна. Таслах ч гэж байсан биз дээ. Зарим нэгнийх нь хөх инээд хүрээд л. Хажуудах нөхрөө

хайрлаж чадаагүй хүн яаж ард түмнийг хайрлах юм бэ. Ард түмэн гэдэг дунд энэ нөхөр явж л байгаа шүү дээ.

-Та мөрийн хөтөлбөрөө боловсруулсан уу. Н.Энхбаярын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үү. УИХ-ын сонгуульд бэлэн үү?

-Мөрийн хөтөлбөр гэх мэт бүхий л зүйлээ нөхөртэйгөө зөвлөлдөж хийнэ. Намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд л зүтгэнэ шүү дээ. МАХН-ын мөрийн хөтөлбөр, өөрийнх нь бодлого явж байгаа. Үүнд Н.Энхбаярын, бас бусад гишүүдийнх нь үзэл бодол багтсан. Тэгэхээр би мөрийн хөтөлбөрөө нөхөртэйгөө л зөвлөлдөж байж гаргана.

-Танай гэр бүл ер нь улс төр рүү орохгүй, ангид байж болдоггүй юм уу?

-Хэзээ?

-Одоо. Өнөөгийн нөхцөл байдалд. Н.Энхбаярыг одоо болиосой гэх хүмүүс бий шүү дээ?

-Эд өөрсдөө зуултаа тавихгүй байгаа. Улс төр рүү орохгүй байж болохгүй байдалд оруулаад байна. Та нар бүх зүйлийг мэдэхгүй байгаа шүү дээ. Больчихоосой гэж ярьж байгаа хүмүүс ил харагдаж байгаа хөшгийг л харж байгаа болохоос цаана юу болоод байгаа мэдэхгүй. Хүмүүс Н.Энхбаярыг бүх албан тушаалд очсон, одоо болоо юм биш үү гэдэг. Харин тийм ээ, бүх албан тушаалд үзчихсэн учраас шунахгүй байна. Бүх зүйлийг үзсэн учраас одоо юунд ч шунахгүй. Уг нь бүгдийг үзчихсэн болхоор одоо ямар ч сонирхол байхгүй. Нийгэм, түүнийгээ дагаад хүний ёс зүй, ёс суртахуун гээд бүх зүйл илжирч, нурж байгаа үед энэ олон жил улсыг удирдсан хүн надад ямар хамаатай юм бэ гээд явчихаж болох юм уу. Тийм ёс суртахуун байхгүй. Чадахгүй байгаа юм чинь.

-Та эхнэр хүний хувьд гэр бүлээ аваад гадаадад ч юм уу чих амар тайван амьдаръя гэж бодож үзсэн үү?

-Үгүй, би хэзээ ч Монголоосоо явахгүй. Энд миний бүх зүйл байгаа. Өвөө эмээгийн минь шарил энд бий. Бид нэг охиноо алдсан. Охин минь энд байгаа. Би хэзээ ч зугтахгүй. Монголоо буруу зүгт чирч яваа хүмүүсийн идүүрт эх орноо үлдээгээд явах юм уу. Тэгвэл миний өвөөгийн, элэнц өвөөгийн, Н.Энхбаярын хэлмэгдүүлэлт үнэ цэнгүй болно. Ядахдаа ямар нэгэн зүйлийн төлөө хэлмэгдье л дээ. Ямар нэгэн үр дүн гараг. Бид хэлмэгдсэн ч гэлээ үр хүүхэд, Монголын ирээдүйд үлдэх уур амьсгал эрүүлжих үнэ цэн байвал гоё байна. Живж байгаа онгоцноос амиа бодоод хархнууд шиг зугтах юм уу. Тэгж болохгүй. Бид хувь хүн зөвхөн өөрийгөө боддог заагийг аль хэдийн алхаад гарчихсан байна. Хамгийн сонин нь ямар ч албан тушаалгүй ийм удаж байгаа Энхбаяр хар амиа боддог зангаа аль хэдийнээ алхаж гараад бусдыг боддог хэмжээндээ оччихсон байхад том албан тушаалтай хүмүүс одоо болтол хувь хүнийхээ зааган дээр л байгаад байгаа нь их сонин.

-Саяхан олон улсын байгууллагынхан МАХН-тай уулзаж хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ер нь танай гэр бүл тулгамдаж буй асуудлаар олон улсын байгууллагад хандахгүй юм уу?

-Олгой хагаравч тогоон дотроо гэдэг. Дотроо шийдээд олон улсад муугаа үзүүлэх хэрэггүй юм. Мөн эрх баригчид өрсөлдөгчдөө хилс хэрэг үүсгэж, шорон оронд хийж өөрсдийнхөө замыг засдаг арга нь ганц Монголд болж буй хэрэг биш. Дүр эсгэсэн ардчилалтай, муу улс төрийн түгээмэл арга юм билээ. Яахав хүлээж л байя. Жижигхэн монгол сул талаа олон улсад дэлгээд байвал хоёр аварга гүрний дунд яах билээ. Яаж ийж байгаад дотроо л учраа олъё. Болох байлгүй дээ. Манай монголчууд бүгдээрээ толгой нь эргэчихсэн биш шүү дээ.

-Одоо танай гэр бүл ямар орлогоор амьдарч байна вэ?

-Бидний хэрэгцээ их бага. Надад гэхэд өөрийн унаа байдаггүй. Ээжид ах дүүсийнх нь арав гаруй жилийн өмнө өгсөн унааг ээлжилж унаад хүнсээ цуглуулж байгаа. Хүмүүсийн хэрэглэдэг шиг сүрхий том жийп машинууд байхгүй. Хоол, байрныхаа мөнгийг л төлөөд явж байвал илүү хэрэгцээ хэрэггүй.

-Арай л үнэмшилгүй сонсогдож байна шүү?

-Итгэхгүй байгаа хүмүүс нь ирээд л үзнэ биз. Гэхдээ хүмүүс итгэх, итгэхгүй нь хамаагүй. Манайхыг 2009 оноос хойш далдуур зөндөө судалсан шүү дээ. Гадаад дотоодгүй шалгасан. Энд тэнд янз бүрийн данс байна уу, илүү байр сав байна уу гэж их ухсан. Харин 2012 оноос хойш ил байдлаар хоёр, гурван удаа нэгжлээ. Ганц манайхыг биш манай ээжийнхийг битүүмжилж бүгдийг нь шалгаж, ухаж төнхсөн.

-Иймэрхүү зүйлийг хөгшчүүл хүлээж авахад хэцүү байдаг байх?

-Яадаг ч байсан тэд манай хэдэн хөгшний насыг богиносгосон. Үүнийг нүгэл гэж үзэх юм уу, юу гэж үзэх юм мэдэхгүй. Нэг, хоёр жилээр илүү бидэндээ харагдах насыг нь богиносгосон байх. Аймшигтай зүйл үзүүлж, нулимсыг нь их ч урсгасан даа. Яахав, тэгээд буянаараа болох биз дээ.

-Танайх их бурханлаг айл. Бурхны шашныг яагаад тийм гүн биширдэг юм бэ?

-Бурхны шашин гэдэг зүгээр нэг сохор сүсэг бишрэл биш. Маш том амьдралын шинжлэх ухаан юм. Бүх зүйл шинжлэх ухаантай. Тиймээс бидний амьдрал яагаад шинжлэх ухаантай байж болохгүй гэж. Бидний амьдралын шинжлэх ухаан бол буддын шашин. А.Эйнштейнийг агуу их физикч гэдгийг чи хүлээн зөвшөөрөх үү.

-Зөвшөөрнө.

-Тэр хүн еврэй гаралтай, Швейцарт амьдардаг хүн байсан. Энэ хүн амьдралынхаа сүүлийн үед буддизмд орсон. Бүр харьцангуй онол гэх мэт агуу онолуудыг нээснийхээ дараа шүү дээ. Түүний хэлсэн үг нь хүртэл байдаг. “Алсын ирээдүйд хүн төрөлхтөн од гараг эрхсийг эзлэх үед ямар нэгэн шашин байх юм бол тэр нь буддизм л байна байх даа” гэсэн байдаг. Яагаад гэвэл буддизм өөрөө агуу их шинжлэх ухаан. Сохор сүсэг ерөөсөө биш. Шинжлэх ухаантай хамгийн ойр шашин учраас би буддизмыг хүндэтгэдэг.

-Оны дараахан “Херо” энтертайнмэнтийн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хар бичлэг цацагдсан. Танд ямар санагдсан бэ?

-Мэдээж сайхан санагдаагүй, муухай л байж таарна. Хоёрдугаарт, нууцаар бичлэг хийсэн нь ойлгомжтой байсан л даа. Би төгөлдөр хуураар нэг ая дарсан даа. Тэрний дараа бүгдээрээ суугаад их ажлын ард гарлаа гээд айраг ууцгаасан юм. Сайхан санасан биш муухай зүйл болсон доо. Шууд гаргаад явуулчихдаг байж (инээв). Гуравдугаарт, фулт хэрэглэсэн ч юм уу даа гэж бодогдсон. Алдагдсан гэх бичлэгүүдийг үзэж байхад надад аймшигтай санагдаад дуусгаагүй. Гэхдээ би их айхтар үг хэлсэн байна лээ, тийм ээ. Аймар их хор найруулна гэж. Тэр үеийн бичлэг тасарсан юм уу, эсвэл санаатайгаар тэгж тасалсан юм уу бүү мэд. Тэр ярианы үргэлжлэл нь ийм байсан юм аа. Би хэнээс ч илүү хор найруулж чадна. С.Баяраас ч илүү, Ц.Элбэгдоржоос ч илүү хор найруулж чадна. Чи ч чадна, та нар бүгдээрээ чадна, хэн ч чадна. Яагаад гэвэл хор найруулж, муу зүйл хийнэ гэдэг тийм хэцүү зүйл биш. Муу зүйл хийхэд онцгой авьяас, ур чадвар шаардахгүй. Зүгээр л зарим хүнд муу зүйл хийх сэтгэл байдаг. Зарим хүмүүс чадах байсан ч хийдэггүй байхгүй юу. Тийм сэтгэл байхгүй. Энүүгээрээ л ялгаатай. Зарим хүмүүс муу зүйл хийхээс жигшдэг, өөрийгөө хүндэлдэг. Түүгээрээ л ялгаатай. Түүнээс биш “яая тэр ямар мундаг хор найруулдаг юм бэ” гэж ярьдаг хүнийг ойлгодоггүй. Тийм зүйл мундаг биш ээ гэж ойлгуулах гэж байсан царай минь тэр. Баахан залууст тэгж тайлбарлаж байсан хэрэг.

-Тэр бичлэг алдагдсанд хэн буруутай гэж боддог вэ?

-Хэн буруутайг тодорхой сайн мэдэхгүй байгаа. Ямар ч сонирхол алга. Судлаад явах сонирхол, зав ч байхгүй. Иймэрхүү зүйл надад шинэ биш. Н.Энхбаяр бид хоёрыг иймэрхүү байдлаар олон жил гүжирдэж, гүтгэж байна. Ээлжит нэг гүжирдлэг, хар пиарын нэг байсан.

-Та энэ бүхнээс шантардаг уу?

-Худлаа юм чинь дээ. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж үг бий. Хэзээ нэгэн цагт бүх үнэн ил болно. Өнөөдөр биш гэхэд хэзээ нэгэн цагт дэнслэгдэнэ. Ер нь тэгээд бага багаар ил болоод л байна. Цаашид илүү олон зүйл мэдэгдэнэ. Цаг хугацаа миний өмнөөс үнэн худлыг ялгаад өгнө. Тийм учраас үүнд шаналаад, шантраад яах ч билээ. Ний нуугүй хэлэхэд бүх улстөрчдийн эхнэрүүдээс хамгийн их доромжлуулж байгаа хүн би байх шүү. Яг л Н.Энхбаярын нэгэн адил доромжлуулж, гүтгүүлж байгаа.

-Та салаад явчихъя гэж бодож байсан уу?

-Юу гэж дээ. Дөрвийн дөрвөн хүүхэдтэй хүн шүү дээ. Ялангуяа ядарч, зовсон цагт нь уу. Юу ярьж байгаа юм бэ. Н.Энхбаярт үнэхээр хэцүү байгаа. Н.Энхбаяр өлсөж байгаа, Н.Энхбаярыг шоронд хийсэн. Намайг биш.

-Шоронд байхад нь та их л тэмцсэн дээ?

-Тохиолдсон үйл явдлуудыг харахад Н.Энхбаярыг устгах гээд улайрчихсан байсан үе. Тэр нь илт харагдаж байсан. Би чадах ядахаараа хажуунаас нь салахгүй, хамгаалахыг бодож байсан. Н.Энхбаярыг аваад явахдаа мууруулж унагасан байна лээ. Хүн ойртоход ухаан алдана гэж байхгүй шүү дээ. Ойртонгуутаа нэг юм шахсан шиг байгаа юм. Өөрөө юу ч санахгүй, нэг сэрээд харахад машинд явж байсан гэж хэлсэн. Тэгээд ухаан алдуулаад аваад явж байгаадаа их бахдалтай байгаа юм л даа. Хүний зовлонгоор жаргал хийж өөрсдөө таашаал авдаг хүмүүс их үржээд байх юм. Шинэ залуус дөнгөж гарч ирээд л өө ингэж болдог юм байна гээд яг эдэнтэй адилхан замаар явна гэж бодохоор үнэхээр өрөвдмөөр.

-Хүүхдүүд тань энэ бүхнийг давж гарахад их хэцүү байсан байх. Одоо ч амар биш байгаа?

-Манай хүүхдүүд их хэрсүү болсон. Миний хувьд манайд маш том эмгэнэл тохиолдож байна гэж бодоогүй. Энэ бол зүгээр л амьдрал. Энгийн ард түмний дунд жинхэнэ зовлон үзэж байгаа хүн олон байгаа. Ил тод биш учраас бид мэдэхгүй байгаа. Хамаагүй их зовж байгаа зөндөө айлууд байна. Ажилгүй, мөнгөгүйгээс болж хоногийн бор хоолоо яах вэ, хэдэн хүүхдүүдээ яах вэ гэсэн зөндөө айл бий. Эсвэл үхэл хагацал зовлон нүүрлэсэн ч юм уу, зөндөө л айл байгаа. Эдний дэргэд энэ бол зүгээр л амьдрал. Амьдрал ийм л байдаг шүү дээ. Ямар ч зүйл тохиолдсон сэтгэл санаагаар унахгүй, гутрахгүй, хугарахгүй, эвдрэхгүй, дотроо муухай яхир болохгүй байх ёстой.

Н.Энхбаярыг шоронд байхад янз бүрийн ном их аваачиж өгдөг байсан. Бидний дайснууд биднийг хорлоход хорлолоо хорлолоо гэхэд дээд зэргийн хорлол нь юу юм бэ гэвэл зүрхэнд чинь үзэн ядах сэтгэл суулгах. Ингэж чадвал чамайг хорлож байна гэсэн үг. Чиний дайсан чамайг хорлоход үзэн ядах сэтгэл тээгээд байвал хамгийн ихээр хорлогдож байна гэсэн үг. Тэгэхээс тэг гэсэн юм шиг сэтгэлээ уужуу, цагаахнаар нь аваад явбал дайсан чинь чамайг яаж ч чадахгүй гэсэн үг байдаг.

-Ер нь Н.Энхбаяр эр нөхрийн хувьд, эцэг хүний хувьд ямар хүн бэ?

-Манай нөхөр төрөлхийн дээд зэргийн тэсвэртэй хүн. Энхбаяр хүүхдүүдээ өөрийнхөө хүмүүжлээр хүмүүжүүлсэн. Хүүхдүүддээ их хайртай. Гэхдээ олон жил хариуцлагатай ажил хийж байсан болохоор гэртээ байж халамжлаад байх зав байгаагүй нь ойлгомжтой. Гэхдээ би нөхрөөрөө, хүүхдүүд маань ааваараа бахархдаг.