Categories
гадаад мэдээ

Хойд солонгосчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлцгээе, монголчууд аа

Хүн төрөлхтөнд нэг зан байдаг. Тэр нь зөвхөн өөрийн үндэстэндээ хайртай байх. Энэ зан халихаараа өөрсөдтэйгөө адилхан үндэстнээ дотночилдог. Манай дэлхийн хүмүүс ийм л зантай. Энэ дэлхий дээр угсаатны хувьд бидэнтэй хамгийн ойрхон нь солонгосчууд. Бид Солонгосын ард түмэнтэй түүхэн уламжлалаараа найрсаг харилцаатай явж ирсэн. Солонгосчууд ч бас бидэнд элэгтэй. Манай хоёр үндэстнийг алтай язгуурын хэл, ижил төрх гээд нэгтгэх зүйл олон. Тиймдээ ч бид үеийн үед найрсаг, сайхан харилцаатай явж ирсэн юм. Социализмын үед бид хойд Солонгостой ах дүүгийн харилцаатай байв. Адилхан социалист системд ч байлаа, адилхан ЗХУ-ын хараа хяналт дор ч байлаа. Дайны үед манай цэргийн офицерууд очиж зөвлөгөө өгч байсан гэх батлагдаагүй мэдээлэл ч бий. Баттай мэдээгээр гэвэл Монголын ард түмэн зургаан мянган адуу, үхэр тэргүүтэн зэрэг тусламжийн зүйлсээ Манжуурын цаахна талд хүлээлгэн өгч байсан гэдэг. Харин зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш монголчууд өмнөд Солонгос болон Японы хүчээр хөл дээрээ зогсож байна. Япончууд бидэнд төр засгийн хэмжээнд томоохон тусламж үзүүлдэг. Өмнөд Солонгостой харин ард иргэдийн халуун дулаан харилцаагаар холбоотой. 1990-ээд оны эхэн үеэс өнөөдрийг хүртэл хэчнээн зуун мянган иргэн өмнөд Солонгост очиж ажиллаж амьдарч байгаа билээ дээ. Иргэдийн хоорондох эдийн засгийн харилцаа сүүлдээ гэр бүлийн харилцаа руу ч шилжиж байгаа байх. Солонгост очсон монгол бүсгүйчүүд тэндхийн иргэнтэй гэр бүл болоод сайн сайхан амьдарч яваа нь олон. Эрчүүд ч бас мэр сэр солонгос бүсгүйг бэр буулган авч буй. Мөн олон жил Солонгост ажиллаж амьдраад иргэн нь болсон хүмүүс ах дүү, хамаатан садан дунд байж л байгаа. Ингэж бид солонгосчуудтай угсаатан, эдийн засаг, гэр бүлийн хувьд нягт нарийн холбоотой болжээ. Монголд өнөөдөр солонгос явж үзээгүй, солонгос хэл гадарлахгүй хүн цөөхөн. Арван хүн тутамд нэг нь солонгосоор ярьж л байгаа. Наад захын таксины жолооч л гэхэд солонгос хүнтэй мэнд усаа мэдэлцээд очих газар нь хүргээд өгнө. Монголын айл өрх бүрээс нэг хүн Солонгост тодорхой хугацаагаар ажиллаж амьдарч байна. Одоо бүр Солонгост ажилладаг гадаад иргэдийг монголчууд тэргүүлээд эхэлсэн гэсэн. Хэл, соёлыг нь ч мэдэхгүй хүн алга. Үгүйдээ л солонгос хоол бидний өдөр тутмын хэрэгцээнд ороод ирчихэж. Урлаг соёл, кино оддыг нь хуруу дарж нэрлэхээр болсон. Хуучин бид орос хэлээр ярьж, орос хоолонд шимтдэг байлаа. Үүнтэй ижил өнөөгийн нийгмийнхэн солонгосоор амьсгалдаг болсон гээд хэлчихэд буруудахгүй. Ийм нарийн нягт харилцаатай ард түмэн юм, бид. Харин Монголын ард түмэнд хойд уу өмнөд үү гэдэг ялгаагүй. Солонгос л бол Солонгос. Хоёр ард түмний хооронд хойд өмнөд гэсэн социализм капитализмын ялгаа хамаа байдаггүй юм. Хойдуулынх нь дэглэм хэцүү гэж сонсогддог. Тэрнээсээ салах арга байдаг юм уу, үгүй юм уу. Юутай ч тэндхийн ард түмний сонголт монголчууд бидэнд хамаагүй. Тухайн ард түмний сонголт учраас бид аль алинд нь хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Харин өнөөдөр хойд Солонгосын Түмэн голын ай савд айхтар үер буусан байна. Иргэдийнх нь амьдран суудаг тосгон үй олноороо газрын хөрснөөс ор мөргүй арчигдсан сурагтай. Хүн ард нь идэх хоолгүй, орох оронгүй болж хэцүүдэж байгаа гэнэ. Өдийд тэндхийн хойд хэсгээр цас орж хүйтэрч байгаа. Яг энэ үед дэлхийн аль ч үндэстэнд хэзээ ч тохиолдож болох байгалийн гамшиг тохиолдлоо. Иргэд нь гэр оронгүй болсноос гадна сураггүй алга болсон, нас барсан хүн их байгаа бололтой. Арайхийн амьд үлдсэн хүмүүс нь өлсөж, даарч байгаа. Хүүхэд, эмэгтэйчүүд зутарч байна. Ийм хэцүү, хүнд үед нь бид Солонгосын ард түмэнд туслах хэрэгтэй. Хамгийн гол нь хойд солонгосчууд дэлхийн олон орноос онцлон биднээс тусламж гуйжээ. Энэ нь мэдээж хэрэг хориг арга хэмжээтэй холбоотой л доо. Гэхдээ урьд өмнө тусалж байсан, ах дүүгийн харилцаатай байсан монголчууд биднээс туслахыг хүссэн байна. Тусламж гуйсан гол шалтгаан нь өмнө бичсэнчлэн бид хоорондоо адилхан үндэстэн юм. Иймд бид хойд солонгосчуудад туслах хэрэгтэй. Тэнхээтэй явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр гэх ардын үг бий. Энийг санаж монгол хүний энэрэнгүй, нинжин сэтгэлээр тусламжийн гараа сунгах цаг болжээ. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч гэлээ өөрсдөдөө байгаа нөөц боломжоороо тусалцгаая. Гадаа гудманд хоног төөрүүлж буй тэдэнд монгол гэр явуулж болно. Эсгий туургатай монгол гэр ямар сайхан дулаан билээ. Монголоор нэг байгаа гэрээсээ хэдэн зуугаар нь илүүчилмээр байна. Бас ард түмэн өөрсдөд байгаа дулаан хувцас, хөнжил, гутал зэргээсээ явуулъя. Одоо тэнд сэрүү орж байгаа. Ийм үед дулаан хувцас шиг хэрэгтэй зүйл үгүй. Бидний хэний маань ч гэрт өмсөхгүй хадгалж байдаг хувцас бий. Тэрийгээ угааж цэвэрлээд цуглуулбал бээрч буй нэгэнд тун их нэмэр болно. Орох оронтой болгоод зузаан хувцас явуулчихвал хэчнээн иргэдэд амьдрал бэлэглэхийг мэдэхгүй. Бас хэн ч голоод авахгүй байгаа шивтэртэй хонины махаа явуулъя л даа. Энэ жил Монголын мал урьд өмнөх жилтэй харьцуулахад илүү өссөн. Ирэх өвлийн бэлчээрийн даац ч бүс нутагт тааруу байгаа. Тиймээс хэдэн зуугаар нь нядалж гулуузлаад хөлдөөж гаргаж болмоор санагдах юм. Зуд турхан боллоо гэхэд хотынхноос тусламж гуйгаад байдаг зовлон үзсэн малчид хэдэн малаасаа илүүчлэх байлгүй. Зүгээр өгөхгүй бол төр засаг нөөц хөрөнгөөсөө мөнгө гарган хямд үнээр худалдаж авах хэрэгтэй. Өнөөдөр хонины нэг кг мах 3000 төгрөгийн ханштай байгаа. Зах зээлийн энэ үнээс арай хямдаар худалдаад авчихвал малчдад ч тэр, өлбөрч үхэхийн наагуур байгаа хойд солонгосчуудад ч тустай. Ийм маягаар бид хойд солонгосчуудад тусалцгаая. Тэдэнд биднээс өөр туслах хүн олдохгүй. Бидний боломж бололцоогоороо явуулж буй тусламжийн барааг тэд цөмийн зэвсэгтээ ашиглаад байхгүй нь ойлгомжтой. Ноосон хувцас, дулаан хөнжил, эсгий гэр, хонины махыг цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаггүй нь тодорхой. Дэлхий нийт тэдэнд туслах гэхээр цөмийн зэвсгийг нь дэмжсэн болно гээд ад үзээд байгаа. Харин бид тэдэнд туслах ёстой ард түмэн юм. Хоёр орны ард түмний харилцаанд төр засгийн бодлого хамаагүй. Тиймээс нэн даруй Хойд Солонгос руу тусламжийн цуваа явуулъя. Тэдэнд туслах аянг төр засаг, Гадаад хэргийн яам зохион байгуулах хэрэгтэй. Мөн Монгол-Солонгосын найрамдлын нийгэмлэг, Солонгост ажиллаж амьдарч байсан монголчууд хүчээ нэгтгэцгээе. Өмнөд Солонгост ажиллаж амьдарч байсан гэдгээрээ ялгарах хэрэггүй. Бид солонгос гэдэг нэг л үндэстэнд тусламжийн гараа сунгах хэрэгтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Сү.Батболдын нэр холбогдсон оффшорын хоёр дахь дуулиан

УИХ-ын гишүүн Сү.Батболдын нэр холбогдсон оффшор дансны хоёр дахь дуулиан өчигдөр дэгдлээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо Багамын арлуудад бүртгэлтэй компаниудыг ил болгожээ. 176 мянган компани, сангийн захирлуудын нэр багтсан уг мэдээллийн системд Монгол Улсын нэрээр хайлт хийхэд илэрц гарч ирээгүй. Гэхдээ The Guardian сонин Багамын арлуудад бүртгэлтэй оффшор дансны тухай нийтлэхдээ олон улсад алдартай компани, улстөрчдийн нэрс байгааг мэдээлсэн. Тэр дунд Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд бий гэдгийг онцолсон байна. Энэ талаар өчигдөр eagle.mn сайтад тодорхой мэдээлсэн билээ. The Guardian сонинд “Багамын баримтуудад илэрсэн оффшор хаягуудын нэг нь Монголын алтны компанийнх бөгөөд захирал нь Сүхбаатарын Батболд” гэжээ. Мөн түүний нэр холбогдсон оффшор данс нь цаг хугацааны хувьд Засгийн газрын гишүүн болохоос нь өмнөх явдал гэдгийг ч тайлбарлажээ. Энэ тухай eagle.mn сайтад “Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд Багамын баримтад 1997-2000 оны хооронд “Boroo Mongolia Mining Corporation Limited” нэр дээр бүртгэлтэй байсан. Гэхдээ энэ үед Сү.Батболд Засгийн газрын гишүүн байгаагүй. Харин тус компанийн захирлаар ажиллаж байжээ. Багамын арлуудад бүртгэлтэй компанийн бүртгэлээс түүний нэрийг хайхад гарч ирэхгүй. Тэрээр хэдэн жилийн өмнө Багамын баримттай холбоотой нийтэд мэдээлэл хийхдээ “Boroo Mon­golia Mining Corporation Lim­ited” компани Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан, үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод байдлаар явуулдаг хэмээн мэдэгдэж байжээ. УИХ-ын гишүүн Сү.Батболд Багамын материалд нэр нь холбогдсон тухай байр сууриа одоогоор илэрхийлээгүй байна” гэжээ.

УИХ-ын сонгуулийн өмнө буюу өнгөрсөн тавдугаар сард Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум 140 орчим улстөрчийн оффшор дансны материалыг ил болгоход Монголоос цөөнгүй нэр дурдагдсаны нэг нь Сү.Батболд байсан. Уг мэдээлэл гарсан даруйд УИХ-ын гишүүн Сү.Батболд хэвлэлийн бага хурал зарлаж “Монгол Улсад хүн бүр хуулийн дагуу хувьцаа эзэмших эрхтэй. Надад оффшор данс байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Миний хувьд 2004 оны нэгдүгээр сарын 5-нд Капитрон банкнаас хуулийн дагуу, ил тодоор өөрийн нэрээр гүйлгээ хийж, хувьцаа худалдаж авч байсан. Өөрөөр хэлбэл, ямар нэг оффшор компаниар дамжуулалгүй өөрийн нэрээр бүртгүүлсэн. 18771 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 21 сая төгрөгийг шилжүүлсэн. Гэвч 2005 онд тус компанийн үйл ажиллагаа нь тодорхойгүй байсан учраас энэ компаниас гарсан. Хөрөнгө орлогын мэдүүлгийн тухай хууль 2007 оноос хэрэгжиж эхэлсэн учраас 2005 онд гарсан компанийнхаа тухай, үүнтэй холбоотой хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлэх боломжгүй байсан. Хууль мөрдөгдөж эхэлсэн цагаас хөрөнгө орлогын мэдүүлгээ шударгаар мэдүүлсээр ирсэн. Би 1992 оноос “Алтай трейдинг” ХХК-ийг байгуулсан. Миний хувьд хувьцаа худалдаж авсан, хувьцаагаа зарсан. Хувьцааны худалдаа хийх үйл ажиллагаа л явуулсан. Энэ компани хэд хэдэн удаа Улсын шилдэг татвар төлөгч компаниар шалгарч байсан. Тэрнээс биш оффшор компанитай ямар ч холбоогүй. Оффшор данс эзэмшиж байгаа эсэх дээр хууль хяналтын байгууллагад хандана” хэмээн мэдэгдэж байсан. Түүнээс хойш хуулийн байгууллагад хандсан эсэх нь, хуулийнхан шалгаад ямар дүгнэлт хийсэн нь ч тодорхойгүй байсан.

МАН УИХ-д үнэмлэхүй олонхи болсны дараа оффшор данстай холбоотой эрх зүйн зохицуулалт хийхээ мэдэгдсэн. Тухайлбал, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр манай сонинд өгсөн ярилцлагадаа “…Хууль зүйн хариуцлага гэдэг нь тухайн байрлуулсан мөнгө нь бохир, авлига авах, мөнгө угаах, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, эсвэл үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй байна уу гэдгээсээ хамаараад одоогийн Эрүүгийн хуульд заасны дагуу тухайн гэм буруутай үйлдэлдээ хариуцлага хүлээдэг, ийм зохицуулалттай. Тусгайлан хориглосон заалт байгаагүйг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн чиглэлийн дагуу ийм зохицуулалттай болгохоор ажиллаж байна. Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцэгдээд УИХ-ын намрын чуулганд оруулна” гэсэн. Мөн тэрбээр “…Энэ хууль батлагдчихвал гурван сарын дотор оффшор бүст данстай, мөнгө байршуулсан эсвэл хуулийн этгээд байгуулсан өндөр албан тушаалтан болон төрийн албан хаагч байх юм бол түүнийгээ мэдэгдэж татгалзах ёстой. Цаашид ийм үүрэг хүлээх юм. Харин хаасан мөнгөө Монгол Улсдаа оруулж ирэх шаардлагатай. Ингэлээ гээд түүнд нь ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэхгүй. С.Баярцогт сайдын жишээн дээр их ярьж байна. Мөн “Panama papers”-тай холбоотойгоор Монголын 46 иргэний асуудал хөндөгдсөн. Эдгээр хүний дотор төрийн алба хашиж байгаа хүн бий. Гэхдээ дийлэнх нь бизнес эрхэлж байгаа хүмүүс багтсан. Манайхан энэ хүмүүс бүгд болж бүтэхгүй шүү гэдэг ойлголтыг өгчихөж байгаа. Энэ хууль батлагдсаны дараагаас бизнес эрхэлж байгаа хүмүүс оффшор мөнгө байршуулах нь хууль ёсны дагуу болж хувирна. Тиймээс ямар нэгэн хуулийн хариуцлага ярихгүй. Харин улстөрчид, төрийн албан хаагчид хууль бус болж хувирна гэдгийг нэг мөр ялгаж хэлж өгч байгаа хэрэг” гэсэн юм.

Ц.Өрнөх

Categories
мэдээ цаг-үе

П.Сэргэлэн: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт дорвитой өөрчлөлт хийх цаг болжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй ярилцлаа.

-Энэ жил ихэнх нутгаар зуншлага сайхан байлаа. Ургац арвин байгаа байх. Намрын ургац хураалтын явц ямар түвшинд байна вэ?

-Энэ жил улсын хэмжээнд 482 мянган тонн будаа хурааж авна. Гурил үйлдвэрлэгчдэд 375 мянган тонн хүнсний улаан буудай нийлүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ сарын 20-ны байдлаар 84.6 мянган га талбайгаас 122 мянган тонн үр тариа, 6.6 мянган га-гаас 69 мянган тонн төмс, 3.4 мянган га талбайгаас 40.4 мянган тонн хүнсний ногоо, 4.8 мянган га-гаас 13.2 мянган тонн тэжээлийн ургамал, 3.9 мянган га-гаас 2.6 мянган тонн тосны ургамал тус, тус хурааж аваад байна. Ургац хураалтад мянга гаруй комбайн ажиллаж байгаа. Цаг агаар тааламжтай байвал ирэх сарын 15-20-ны өдрүүдэд ургац хураалтаа бүрэн дуусгахаар төлөвлөж байна. Энэ жилийн хувьд Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай зэрэг газар тариалангийн гол бүс нутгийнхан нэг га талбайгаас 12-19 центнер ургац хурааж байна. Хэнтий, Дорнодод гандуухан зун болсон учраас га-гаас 8-10 центнер орчим ургац авч байгаа. Өнөөдрийн байдлаар томоохон үйлдвэрүүд хүнсний улаан буудайг ямар үнээр худалдан авч байгаа талаар харилцан ярилцаж байна. Яамны зүгээс тариалангийн бүс нутагт нэлээн ажиллаж тариаланчидтай уулзлаа. Мөн гурил үйлдвэрлэгч, тариалан эрхлэгчдийн холбоо, газар тариалангийн холбооныхонтой уулзахад тэдний зүгээс яаманд дөрвөн төрлийн санал тавьсан.

-Юу гэж байх юм?

-Нэгдүгээрт, Тариалан эрхлэлтийг тогтворжуулах чиглэлээр Хөгжлийн банкны санхүүжилтээр олгох 16 тэрбум төгрөгийн асуудал байсан. Үүнийг Засгийн газрын хэмжээнд ярилцаж байгаад тариаланчдад зээл хэлбэрээр олгуулахаар болсон. Хоёр дахь асуудал нь газар тариалангийн ид улирлын үед намрын хадлан тэжээл, ургац хураалтын ажилд зориулан шатахуун зээлээр өгөхийг хүссэн. Энэ асуудлыг шийдвэрлэж 50 хувийн урьдчилгаатай шатахуун зээлээр олголоо. Гуравдугаарт, Сэлэнгийн бүс нутагт 100 км зам засаж өгөхийг хүссэн. Үүнийг Зам, тээврийн яамтай хамтран шийдсэн. Мөн энэ жил тариаланчид арвин ургац авна. Будааг нь гайгүй боломжийн үнээр борлуулж өгөөч гэж хүссэн. Энэ дагуу Засгийн газрын тогтоол гарч арилжааны банкуудаас 60 тэрбум төгрөгийн эх үүсвэр олж тариаланчдын будааг худалдаж авах үүрэг даалгавар өгсөн. Үүний хүрээнд арилжааны банкуудтай ямар боломж байгаа талаар ярилцаж байна.

-Тариалан эрхлэлтийг дэмжих сан нэг тонн улаан буудайг ямар үнээр худалдаж авч байгаа юм бэ?

-560 мянган төгрөгөөр худалдан авч байна. Цавуулгаас шалтгаалаад хамгийн хямддаа 500 мянгаар авч байгаа. Хамгийн доод талын үнийг 520 мянгаар тогтоосон боловч цавуулаг нь шаардлагад хүрэхгүй байгаа болохоор үнээ багасгасан.

-Засгийн газар мөнгөгүй учраас улаан буудайгаа худалдаж авахгүй байна гэх юм?

-Будаа худалдаж авах мөнгө үнэндээ алга. Ямар сайндаа арилжааны банкуудад хандаж байна. Одоогийн байдлаар шийдэгдсэн мөнгө алга. Улс будаа худалдаж авахгүй шүү дээ. Гурилын үйлдвэрүүд худалдаж аваад гурил хийдэг процесстой. Стратегийн гол бүтээгдэхүүн гэдэг утгаараа төрийн зүгээс зохицуулалт хийх гэж оролдож байна.

-Арилжааны банкууд ямар нөхцөл тавьж байгаа вэ?

-Арилжааны банкны төлөөлөлтэй уулзаж байна. Хөрөнгийн эх үүсвэр тааруу байна гэх банкууд бий. Өнөө, маргааш дахин хэд хэдэн банктай уулзахаар төлөвлөж байгаа. Эх үүсвэрийг шийдчих байх гэж бодож байна.

-Энэ жил ургац дотоодын хэрэгцээнээс илүү гарах болов уу?

-Энэ жил үндсэндээ 100 гаруй мянган тонн будаа илүү гарах урьдчилсан таамагтай байгаа.

-Илүүг нь яах вэ?

-Ургац хураалт дуусаг. Дүн мэдээгээр дотоодын хэрэгцээнээс хэр зэрэг будаа илүү гарах вэ гэдгийг харъя. Төлөвлөж буйгаар будаа илүү гарах л байх. Ерөнхийдөө экспортод гаргая гэх төлөвлөгөө бий.

-Энэ тал дээр яамны зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ. Мэдээж хэрэг хойд хөрш манайхаас будаа авахгүй байх. Тэгэхээр урд хөрш рүү худалдах уу?

-БНХАУ руу экспортолъё гэж яригдаж байна. Манай яамны харьяа газрууд энэ талаар судалгаа хийгээд эхэлчихсэн. Мөн гурил үйлдвэрлэгчдээ сонсъё. Ер нь бол улс тодорхой хэмжээгээр будаагаа нөөцлөөд авчихсан байхад буруудахгүй гэж бодож байгаа.

-Хадгалах сав хэр хүртээмжтэй байдаг юм бэ?

-ТЭДС 120 мянган тонн орчим будаа хадгалах савны нөөцтэй. Энэ савныхаа хэмжээгээр будаа авна. Тариаланчид маань санд тодорхой хэмжээний өглөгтэй байдаг. Ингээд тооцоод үзэхээр 60 мянга орчим тонн будаа худалдаж авах санаатай ажиллаж байна.

-Өнгөрсөн жил тариаланчдын хувьд хүнд байлаа. Энэ жил харин арвин ургац хураатал худалдаж авах мөнгөтэй газар алга. Яамны зүгээс энэ нөхцөл байдлыг хэрхэн зохицуулъя гэж бодож байна вэ?

-Юутай ч арилжааны банкуудаас 60 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдүүлье гээд ажиллаж байна. Ингэснээр гурилын үйлдвэрүүд будаа худалдаж авах боломжтой болох юм. Тариаланчдынхаа будааг борлуулах, гурилын үйлдвэрүүдийг ажилтай болгох зорилгын дагуу л ажиллаж байгаа. Тариаланчид будаагаа аль болох үнэтэй зарах гэдэг, гэтэл гурилын үйлдвэрүүд аль болох хямд авах гээд үзчихдэг. Энэ хоёрын дунд яам зохицуулалт хийж байна. Өнөөдөр тариаланчдаас ирж буй мэдээллээр гурилын үйлдвэрүүд 380-460 мянган төгрөгөөр тонн будаа худалдаж авч байгаа юм билээ.

-Ургац хураалтыг ирэх сарын 20 гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа гэсэн. Энэ үеэр тариалангийн гол бүс нутгийн цаг агаар ямархуу байх юм бол. Нойтон цас орж хүйтэрнэ гэх мэдээ бий?

-Цаг агаарын урьдчилсан төлөв гарчихсан байгаа. Энэ сарын 23-26-нд нойтон цас орж агаарын хэм өмнөх өдрүүдээс 8-13 хэмээр буурна. Шөнөдөө 0-5 хэм хүрч цочир хүйтрэх төлөвтэй байна гэх мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн. Тариаланчид маань цаг агаарын таатай үед бүх л боломж бололцоогоо ашиглан ургацаа хурааж байгаа. Хадланчид мөн талбайд ажиллаж байна. Хадлан, тэжээл нэлээн сайн бэлтгэгдэж байна.

-Өнгөрсөн жил Төв аймгийн зарим сумынхан төмс тэргүүтэй зарим хүнсний ногоогоо хойд хил давуулан зарж байсан. Энэ жил ургац сайн байгаа болохоор нэгдсэн журмаар экспортод гаргах ажлыг зохион байгуулж болох уу?

-Төмсний тухайд энэ жилийнхээ дотоодын нийт хэрэгцээг бүрэн хангаад цаана нь 50 гаруй хувь нь илүү гарч байна. Хадгалах тухай асуудал ярьж байгаа. Хүнсний ногооны хувьд дотоодынхоо нийт хэрэгцээний 80 хувийг хангах төлөвлөгөөтэй явж байна. Ерөнхийдөө тариаланчид маань сайн ажиллаж арвин ургац хурааж байна. Яамны зүгээс хүнсний ногоо тариаланчдыг дэмжиж “Намрын ногоон өдрүүд-2016” арга хэмжээг зохион байгууллаа. Энэ жил “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор үргэлжиллээ. Нийслэл болон 17 аймгийн 100 гаруй ажу ахуйн нэгж байгууллага, 306 орчим ногоочин өөрсдийн брэнд болсон 933 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцлоо. Монголчууд хүнсний ногоо, жимс жимсгэнээ үнэхээр сайн тариалдаг болсон. Яамнаас хэрэгжүүлж буй олон төсөл, хөтөлбөр үр өгөөжөө өгч буй нь харагдаж байна. Мөн ямар ч химийн бордоогүй эрүүл, цэвэр хөрсөнд тарьсан органик хүнс, жимс ногоог зах зээлд нийлүүлж байна. Ер нь цаашдаа энэ чиглэлээр нэлээн ажиллана гэж бодож байгаа. Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай санамж бичигт гарын үсэг зураад хотын 434 цэгт хүнсний ногоо борлуулж байна. Ингэж нийслэлийн иргэдийг өөрт ойр худалдааны цэгээс шинэ ногоо худалдаж авах боломжоор хангаж байгаа юм. “Намрын ногоон өдрүүд-2016” үзэсгэлэнгийн хамгийн гол зорилго нь дундын зуучлалгүй борлуулалт байлаа.

-Уг үзэсгэлэнд оролцогчдод зориулан бартерын худалдаа явуулах боломж нээж өгсөн нь их шинэлэг санагдаж байсан?

-Малчид, ногоочдын хэрэгцээнд зориулан бартерын худалдаа анх удаа зохион байгуулсан. Жишээлбэл, мал махаараа гэр, малын саравч худалдаж авах боломж олгосон. Хүнсний ногоогоороо ахуйн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн сольж авлаа. Үзэсгэлэнд оролцож буй хүмүүс зарах гэж буй хүнсний бүтээгдэхүүнээрээ өөрт хэрэгтэй бараагаа аваад буцах жишээтэй. Мөнгө байхгүй үед иймэрхүү худалдаа зохион байгуулбал хэн хэндээ хэрэгтэй байгаа юм.

-Өвлийн идшээр бартер хийж байгаа хүн ч харагдана лээ?

-Яамны зүгээс “Малчны лавлах 109” гэж тусгай дугаарын утас ажиллуулдаг. Тэр утас руу малчид, тариаланчид маань утасдаад юу хэрэгтэй байгаа, юугаар солихоо хэлээд л болно. Бид холбож өгч байгаа юм. “Намрын ногоон өдрүүд-2016” үзэсгэлэнгийн үеэр “Өвлийн идэш” арга хэмжээ зохион байгуулж байгаа. Надад ийм зүйл байна, өвлийн идшээр сольё гээд хоорондоо тохирчихно. Эдийн засаг хүнд, гар дээр мөнгө муутай байгаа ийм үед малчид, тариаланчдынхаа эрэлт, хүсэлтийг хангахаар ажиллаж байна. Ажил дөнгөж эхэлж байгаа ч гэлээ иргэд сэтгэл хангалуун байгаа.

-Хадлан тэжээлийн бэлтгэл ажил ямар түвшинд явж байна вэ. Өвөлжилтийн бэлтгэл ажил ямархуу байгаа вэ?

-Хэдхэн хоногийн өмнө отрын бүс нутгаар яваад ирлээ. Малчдын өвөлжилт, хаваржилтыг өнөтэй байлгах зорилгоор тодорхой бүс нутгийг хамгаалалтад авсан байдаг. Тухайн талбайгаа дөрөвдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 хүртэл чөлөөлж бэлчээрийн даац сайжруулдаг. Улсын хэмжээнд арван нэгэн отрын бүс нутаг бий. Тэр газруудаар яваад ирэхэд хаягдсан, сахилга бат суларсан тал нэлээн ажиглагдсан. Энэ тал дээр отрын бүс нутгийн захиргааныхантай хамтарч ажиллана. Ерөнхийдөө отрын бүс нутгийн бэлчээрийн даац нутаг нутгаасаа хамаарч харилцан адилгүй байгаа. Мөн отрын бүс нутгийн даац жил бүр хэтэрдэг. Тухайлбал, энэ жил Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт гэхэд 194 мянган толгой мал өвөлжих боломжтой гэж бэлчээрийн даацыг тодорхойлсон. Гэтэл одоогоор 550 мянга орчим мал өвөлжүүлье гэх захиалга ирчихсэн байна. Тэр хавийн даац нэг их сайнгүй байгаа. Тэнд гаднаас ирж суурьшсан айлууд дөрөвдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд нутгаа чөлөөлж өгөхгүй байгаагаас болоод бэлчээрийн даац муудаж байна. Шаардлага тавиад ч үгэнд орохгүй байна гэдэг. Мөн Малхын талд 25 мянган мал өвөлжих бэлчээрийн даацтай гэж үзэж байгаа. Гэтэл одоогоор 79 мянган мал өвөлжүүлье гэсэн хүсэлт ирчихээд байна.

-Ерөнхийдөө отрын бүс нутагт өвөлжих малын тоо толгой даацаасаа хэд дахин хэтэрчихээд байгаа нь юутай холбоотой вэ?

-Малын тоо толгой их өссөн. Тэр хэрээрээ бэлчээрийн даац нэлээн муудсан төлөв байдал ажиглагдаж байна. Бидний хувьд засаг төрөөс бодлогоор хамгаалалтад авсан отрын бүс нутгийн хамгаалалтыг улам сайжруулах, бэлчээрийн менежмэнтийг сайжруулах чиглэлээр ажиллана. Мөн малчид хариуцлагатайгаар отрын бүс нутгаа хуульд заасан хугацаанд чөлөөлдөг байх хэрэгтэй.

-Бичин жилийн зуд болно гэж малчид ярьж байна. Тиймээс мал их нядалж байгаа сурагтай. Махны үнэ ч хямд байгаа?

-Бичин жилийн өвөл хаяанд ирчихлээ. Малын тоо толгой ч их өссөн. 54.9 сая малаас 19 сая төл хүлээж авсан. Энэ өвөл 10-15 сая мал идшэнд бэлтгэнэ гэж тооцоолж байна. Махны борлуулалтын тухайд хүндрэлтэй талууд бий. Дундын буюу ченжийн гар дамжуулалгүйгээр зарахыг бодож байгаа.

-Намрын ногоон өдрүүдтэй адил идэшний цагаар ченжийн гар дамжаагүй үзэсгэлэн худалдаа зохион байгуулж болох уу?

-Намрын ногоон өдрүүдийн үеэр мах, идэшний бартерын худалдаа зохион байгуулсан. Цаашид үргэлжлүүлэх байх. Манай улсад малын халдварт өвчин гараад байдаг. Үүн дээр яамны мал эмнэлэг, үйлчилгээний газар идэвхтэй ажиллаж байгаа. Цэцэг, шүлхийн өвчлөл харьцангуй гайгүй болж байна. Ховд аймагт бог малын мялзан гэж өвчин гарсан. Үүнийг хамгаалалтад авч вакцин тарих ёстой гэж үзээд манай яамны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Засгийн газрын зүгээс анхаарал хандуулан ажиллаж, шаардлагатай хөрөнгө санхүүжилтийг олгож байгаа. Хамгийн гол нь бүс нутгаа хамгаалалтад авч хорио цээр, дэглэм тогтоогоод гаднаас нь хумих байдлаар тэмцэхээр болсон. Одоо вакцин ирэхийг хүлээж байна. Ер нь богино хугацаанд малын халдварт өвчнийг дарах хамгийн чухал.

-Мах экспортлох асуудал юу болж байгаа вэ?

-Энэ чиглэлээр бид маш шаргуу ажиллаж байгаа. Хоёр хөршийнхөө албаны хүмүүстэй уулзалт, хэлэлцээр хийж байна. Яг өнөөдрийн байдлаар гэхэд ОХУ-ын мал эмнэлгийн газраас экспертүүд ирчихсэн махны үйлдвэрүүдэд аттестатчилал хийж байгаа. Аттестатчиллын үндсэн дээр махаа экспортод гаргана. Хятадын талтай мөн холбогдож байна. Хорио цээрийн газрын орлогч дарга, яамны холбогдох албан тушаалтнууд ирээд явлаа. Бүх төрлийн хэлэлцээ хийж байна. Ирэх сарын эхээр мөн Хятадын хөдөө аж ахуйн яамнаас баг бүрэлдэхүүн ирж манай улсад ажиллахаар болсон. Ер нь яамны гол зорилгын нэг нь мах экспортлох. Энэ чиглэлд идэвхтэй, сайн ажиллана. Бидэнд махаа гаргахад тулгамдаж буй гол зүйл нь малын гоц халдварт өвчин. Өвчин гараад байхаар л хөрш орнууд мах авахаас цааргалаад эхэлдэг. Тиймээс хамгийн түрүүнд малаа эрүүлжүүлэх асуудал дээр анхаарч байна.

-Мэдээж хэрэг боловсруулсан мах экспортлох байх. Гэхдээ төрөлжүүлэхгүй бол хэцүү гэж ярих юм?

-Нэмүү өртөг шингээгээд боловсруулж гаргана. Савлагаатай, ариун цэврийн шаардлага дээд зэргээр хангана. Худалдан авч буй улсууд стандарт, шаардлагаа гаргана. Харин яамны зүгээс малыг амьдаар нь гаргахын эсрэг байр суурьтай байна. Түүнчлэн Засгийн газрын 2016-2020 он хүртэлх мөрийн хөтөлбөр батлагдлаа. Манай яамны хувьд ажлын хэсэг гаргаж эрдэмтэн мэргэд, үе үеийн сайд, салбарын мэргэжилтэнтэй хамтарч нэлээн хэдэн төсөл хөтөлбөрийг боловсруулан тусгалаа. Үүний нэг нь “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг улс орны хэмжээнд өрнүүлье гэж ярьж байна. Бид хүнс, хоолоо эрүүл байлгасны дараа хөгжлийн тухай асуудал ярина. Үүний хүрээнд мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөр баталъя гэж ярьж байгаа. Ерөөсөө мал, махаа эрүүл болгоё. Олон улсын чанар, стандартыг хангасан мах бэлтгэдэг болъё. Арьс, ширээ ч гэсэн үйлдвэрийн аргаар бэлтгэдэг болох хэрэгтэй. Гар аргаар бэлтгэсэн арьс, шир энд тэндээ зүсэгдсэн, дотор нь өлөнг нь боогоод хийчихээр наалданги үүссэн байдаг. Энэ мэтээр нийт бэлтгэсэн арьсны 30 хувь нь үйлдвэрлэлд гологдож байна. Дээрх бүхэн арьс ширний үнэ, малчдын орлогод нөлөөлөөд байдаг. 2013, 2014 онд арьс ширний бүтээгдэхүүнийг хагас боловсруулж гадаад худалдаанд оруулна гэсэн тогтоол байсан учраас түүхий арьс, шир худалдаж болохгүй байсан. Харин долоо хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанд манай яамны зүгээс санал оруулж тогтоол гаргуулсны хүчинд арьс, ширийг түүхийгээр худалдаанд гаргахыг зөвшөөрлөө. Үр дүнд нь хонины нэхий 3000, 3500 төгрөг хүрч байна. Өмнө нь боодол бохины үнэд хүрэхгүй, ихэнх нь хаягдаж байсан шүү дээ. Хөдөө орон нутгаар явж байхад хонины нэхий жалгаар дүүрэн хаясан байсан. Иргэдтэй уулзахаар мал махны үнэ, арьс, ширний үнийг өсгөөд өгөөч гэж байлаа. Өмнө нь хонио нядаллаа гэхэд нэхийг нь сумын төв дээрээ аваачиж дөрөв, таван мянган төгрөгөөр зарж мотоцикльдоо шатахуун хийдэг байсан. Малчид, иргэд ингэж яриад маш олон санал ирүүлсэн юм. Яамны зүгээс судлаад арьс ширний холбооныхонтой уулзлаа. Энэ салбарыг төрөөс дэмжиж урамшуулал хүртэл өгдөг. Үйлдвэрүүдийг ч мөн дэмжиж байна. Ирэх оны наймдугаар сарын 1-нийг хүртэл түүхий арьс, ширийг худалдаанд оруулах боломж олгоё гэсэн Засгийн газрын тогтоол гарчихсан байна. Энэ нь цаашаа үргэлжлээд эдийн засагт эерэгээр нөлөөлөх юм. Мал, мах бэлтгэх үеэр 10 сая хонь нядаллаа гэхэд нэхийгээр дамжиж 40 тэрбум төгрөг малчдын гарт очно.

-Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулна гэж байгаа. Намрын чуулганаар батлах уу?

-Малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулъя, нийгмийн даатгал төлдөг болъё гэж ярьж байгаа. Намын бүлэг, Засгийн газрын хэмжээнд нэлээн идэвхтэй яригдаж байна. Мөн малчны хүүхдийг зургаагаас найман насны хооронд сургуульд оруулдаг болъё. Тэгэхгүй бол зургаан настай хүүхдийг сургуульд явуулахын тулд ээж нь сумын төв дээр харах хэрэгтэй болдог. Аав нь хөдөө хэдэн малаа хараад үлдэнэ. Ингэж айл гэр хоёр салж амьдрах хэцүү. Тиймээс зургаагаас найман настай байхад нь хүүхдээ сургуульд оруулдаг байхаар зохицуулсан. Зургаан настай хүүхдийг сумын төв дээр дотуур байр юм уу, айлд суулгая гэхээр арай нялхдаад байдаг. Залуу малчдын хувьд хүндрэлтэй асуудал байлаа шүү дээ.

-Хүнс, хөдөө аж ахуй бол монголчуудын өдөр тутмын амьдралтай холбоотой салбар. Цаашид яамны зүгээс ямар шинэ бодлого баримталж ажиллах вэ?

-Яамны тухайд бүх газартаа ажлын хэсэг байгуулсан. Үр дүнтэй ямар ажил хийх ёстой вэ гэж судалгаа явуулж санал боловсруулаад дуусаж байна. Мал аж ахуй, бодлогын газарт мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын мал эмнэлгийн газрыг дахин сэргээн ажиллуулъя гэлцэж байна. Одоогийн байгаа бүтэц, бүрэлдэхүүний хэмжээнд ингэж ажиллах боломжтой. Мал эмнэлэг, үржлийн газар гэж 40, 50 хүний бүрэлдэхүүнтэй газар бий. Аймагт хөдөө аж ахуйн газар, суманд тасаг ажилладаг. Малын гоц халдварт өвчин гарлаа гэхэд улс өөрийн худалдаж авсан вакцинаа хувийн мал эмнэлгүүдэд өгч байна. Тэнд ажиллаж байгаа боловсон хүчний талаас илүү нь 50-иас дээш насныхан. Иймд яамны зүгээс хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх тал дээр түлхүү анхааран ажиллана. Улсын мал эмнэлгийн ерөнхий газрыг бүтцийн хувьд батлаад өгчихвөл ядаж л өндөр үнэтэй вакциныг цаг хугацаанд нь, технологийн дагуу хийнэ. Төр өөрийн хүч хөрөнгөө зарцуулж малаа эрүүлжүүлэх ёстой. Дээрээс нь малчид малаа эрүүл байлгах асуудал дээр хариуцлагатай хандах хэрэгтэй. Аль аль талдаа хариуцлагын тухай асуудал ярьсан, хууль эрхзүйн үндэстэй бодлогын баримт бичиг боловсруулаад явж байна. Ер нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт дорвитой өөрчлөлт хийх цаг болжээ.

-Танай яаманд хөнгөн үйлдвэрийн салбар хамаардаг. Уг салбарт ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

-Үндэсний үйлдвэрлэлийг сэргээх чиглэлээр түлхүү анхаарч байна. Ерөнхий сайд үүрэг өгсөн. Төрийн болон төрийн бус байгууллагууд дотоодын бүтээгдэхүүнээ худалдан авч хэрэглэж байя гэсэн тогтоол гаргах гэж байгаа. Энэ асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр хэлэлцүүлнэ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, дотоодын худалдан авалтаа идэвхжүүлье гэсэн уриалга гаргах юм. Төрийн байгууллагууд дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж худалдан авалт хиймээр байна.

-Дотоодын үйлдвэрлэлээ дэмжье гэхээр эсгий шаахай, арьсан цүнхнээс өөр зүйл ховор. Хүнсний бүтээгдэхүүн нь импортын бүтээгдэхүүнээс өндөр үнэтэй. Ийм байхад дотоодын үйлдвэрлэлээ дэмжих таатай биш шүү дээ?

-Тийм тал бий. Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн импортын бараанаас өндөр үнэтэй байгаад байдаг. Тиймээс эдийн засгийн ашиг, үр өгөөжөө бодоод гадны бүтээгдэхүүн хэрэглэдэг асуудал байдаг. Үүнд эх оронч байдлаар хандаж аль болох дотоодын бүтээгдэхүүнээ худалдаж аваач гэж байгаа юм. Ялангуяа төрийн байгууллагууд үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг хэрэглэж байя гэж байгаа юм.

-Үнэ хямдруулах арга байдаггүй юм уу. Хэрэв дотоодын үйлдвэрлэлээ дэмжүүлье гэж байгаа бол яамны зүгээс үнэд нөлөөлөх боломж бий юу?

-Зах зээлээ судлаад, зардлаа тооцоод, дээр нь бага зэрэг ашиг нэмж байгаа үнэд оролцох боломж байхгүй. 2015 онд 336 дугаар тогтоол гарч худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан 12 нэр төрлийн 101 бүтээгдэхүүний жагсаалт баталсан байдаг. Эдгээрийн нэр төрөл, тоог олон болгох чиглэлээр ажиллах шаардлагатай байгаа. Өнгөрсөн онд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авсан бараа бүтээгдэхүүний тайланг нэгтгэж үзсэн. Уг тайланд төсвийн 30 байгууллага дотоодын бүтээгдэхүүнээс 60.6 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн гэж гарсан байна лээ. Энэ жилийн тухайд бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр олон ажил зохион байгуулах ёстой. Зарим дотоодын худалдан авалт, үйлчилгээний талаарх мэдээлэл хомс байна. Мэдээллийг үнэн зөв байлгахад анхаарна. Импорт орлох бүтээгдэхүүний нэр төрөл өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа үед дотоодын худалдан авалтаа сайжруулах шаардлага бидэнд бий.

-Үндэсний үйлдвэрлэлийг зөвхөн дотоод гэлтгүй хилийн гаднах бүс нутгийн иргэдээр дэмжүүлэх боломж байгаа мэт харагддаг. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хил орчмын худалдааг өргөн хэмжээнд байнга зохион байгуулъя гэж ярьж байгаа. Үндэсний үйлдвэрлэгчдэдээ хилийн худалдаа хийх боломжоор хангаж ам.доллар оруулж ирэхэд анхаарал хандуулж байна. Олон боомтод түшиглэж худалдаа хийхээр хоёр хөршийнхөө холбогдох албанд хандсан. Эхнээсээ ажил хэрэг болон хэрэгжиж байгаа. Баянхонгор аймгийнхан хилийн худалдааг эхлүүлэх гээд бэлтгэл ажилдаа орлоо. Харин хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг зохицуулдаг газартай болох шаардлага байна. Хууль, эрхзүйн үндсийг боловсруулаад холбогдох дүрэм журамд нийцүүлэх хэрэгтэй. Тариаланчид улаан буудайгаа борлуулах асуудал дээр л гэхэд аль болох үнэтэй зарахыг бодно. Нөгөөдүүл нь хямд авахыг бодно. Арьс шир, ноос ноолуур дээр ч ялгаагүй. Нэгэнт төрийн зохицуулалт үгүйлэгддэг учраас бодлогын хувьд оролцдог хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний үнэ зохицуулах байгууллага зайлшгүй шаардлагатай. Тэгэхгүй бол зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр явж байдаг зүйлийг зохицуулахын тулд бодлого боловсруулах ёстой яам нь маш их хүч хөрөнгө, цаг зав зарцуулаад байна. Ийм газартай болчихвол олон асуудал маш амархан цэгцэрнэ.

-Та сайд болохынхоо өмнө УИХ-ын чуулган дээр хуурай сүү зэрэг дотоодод хангалттай үйлдвэрлэх бүтээгдэхүүний импортод анхаарал хандуулна гэж байсан. Одоо бид хүнсний ногоогоо эх орондоо хангалттай хэмжээнд тарьж байна. Урд хөршөөс орж ирдэг хүнсний бүтээгдэхүүнд хязгаарлалт тавьж болох уу?

-Бид 1990-ээд оны үед дэлхийн худалдааны байгууллагад элсэхдээ ямар ч шаардлага, нөхцөл тавиагүй юм билээ. Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм, журмаар импортоор орж ирж буй бараа, бүтээгдэхүүнд хамгийн ихдээ 20 хувийн татвар тавих боломжтой. Ийм хэмжээнд татвар нэмээд нэмээд гаднаас орж ирж буй хүнсний бүтээгдэхүүн дотоодынхоос хямд байгаад байна. Энэ бүхэн дотоодын үйлдвэрлэл хөгжихөд саад болоод байдаг. Өөрчлөлт хийж болохгүй. Гэхдээ өөр ямар гарц байж болох вэ гэдэг дээр ажиллаж байна. Тухайлбал, Францын Элчин сайдын яамтай ярилцаж байгаад газарзүйн баримжаатай бүтээгдэхүүн гэдэгт чацаргана бүртгүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Увсын чацарганыг газарзүйн баримжаатай бүтээгдэхүүн гээд бүртгүүлчихвэл Европын холбооны улсад экспортод гаргах боломжтой. Сүүний хувьд Засгийн газар богино хугацаанд сайн ажиллалаа. Манай улс боломжит сүүнийхээ 30 хувийг л ашигладаг. 70 хувь нь бэлчээртээ явж байдаг. Саахаа больсон. Тэгэхээр малчдаа орлоготой болгохын тулд төсөл санаачлаад явж байна. Саасан сүүгээ тусгай төхөөрөмж рүү хийгээд хуурай сүү болгодог Японы технологийг судлаад оруулж ирэхээр болж байна. Эхний ээлжинд 100 суманд жижиг оврын сүүний үйлдвэр байгуулж иргэдийн сүүг худалдаж авна. Түүнийгээ хуурай сүү болгож боловсруулаад дотоодын хэрэглээгээ хангах, улмаар экспортод гаргах боломжтой. Хуурай сүү экспортлох асуудлаар Хятадын холбогдох байгууллагатай санал солилцож хамтран ажиллаж байгаа. Ядаж импортын хуурай сүүний оронд дотооддоо үйлдвэрлэсэн сүүгээ аваг л дээ. Тэгэхгүй бол өнөөдрийн байдлаар гаднаас орж ирж буй сүүний хэрэглээ дотоодынхоос илүү байгаа. Дээрх төсөл хөтөлбөрийн ТЭЗҮ хийгдээд явж байна.

-Эдийн засаг аль ч салбарт хүнд байна. Таны хариуцаж буй салбарт эдийн засгийн хямрал хэрхэн нөлөөлж байна вэ?

-Улс орны төсөв, санхүүгийн байдал маш хүнд байгаа. Ерөнхий сайд, Сангийн сайд нар эдийн засгийн бодит байдлын талаарх мэдээллийг ард түмэнд өгсөн. Шинэ Засгийн газар байгуулагдаад улс орны эдийн засэг, санхүүгийн төлөвийн мэдээ сонсоход үнэхээр хүнд байгаа нь мэдэгдсэн. Маш их өр, зээлийн асуудал яригдаж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувь нь өрөнд явж байгаа. Мөнгөний чадавхи суларч, валютын ханш өслөө. Ийм үед үндэсний үйлдвэрлэгчид ажиллах, орлого олох боломж маш хүнд. Үндсэндээ бодлого алдагдсан, хяналт суларсан, хэт үрэлгэн байсан нь салбар салбарт ажиглагдаж байгаа. Гурилын үйлдвэрүүд дээр л гэхэд дотоодын нийт хэрэгцээнээс гурав, дөрөв дахин их хэмжээний хүчин чадалтай тоног төхөөрөмжтэй байна. Улсын төсвийн хөрөнгө, зээлээр авчихаж. Энэ бүхэн эргээд салбарын эдийн засагт бэрхшээл хүндрэл учруулна.

-Мэргэжлийн Засгийн газар байгуулагдах үед таныг салбараа сайн мэдэх хүн гэж тодорхойлж байсан. ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласныг тань бас мэднэ. Тэрнээс өмнө ямар ажил хийж байв?

-Би УБИС, СЭЗДС-ийг тус, тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. 1995 оноос хойш мэдээлэл технологийн чиглэлээр хувийн бизнес эрхэлж байлаа. Мал аж ахуй, газар тариалангийн салбарт багагүй хугацаанд ажилласан байна. Сэлэнгэ аймгийн Орхон суманд Шар хөтлийн бригад гэж газарт тариа будаа тарьж явлаа. Мал аж ахуйн салбарт гэвэл манайх малчин удамтай айл. Багаасаа морь малтай ноцолдож өссөн. ММСУХ-нд сүүлийн найман жил ажиллалаа. Яамны бүтцэд хөнгөн аж ахуйн салбар нэмэгдэж орж ирсэн шүү дээ. Миний хувьд хувиараа бизнес эрхэлж байсан учраас жаргал зовлонг нь мэднэ. Хоёрдугаарт, Италийн Турин хотод байдаг ЮНЕСКО-гийн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэргэдэх сургуульд Жижиг, дунд үйлдвэрлэлийг төрөөс удирдах нь чиглэлээр суралцаж байлаа. Италид байхдаа хагас, бүтэн сайн бүр тэндхийн жижиг, дунд үйлдвэрүүдтэй нэгдсэн журмаар танилцдаг байсан. Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх зөв тогтолцоо, бодлогоос суралцаж байсны хувьд Монгол Улсад өрсөлдөх чадвартай, зах зээлд тэсэж үлдэхээр, урт хугацаанд тогтвортой ажиллах үйлдвэр бий болгох зорилт тавиад бодлого боловсруулан ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Гишүүдийн Хууль санаачлах эрхийг цэгцэлмээр байна

Одоогийн мөрдөж буй хуулиар Ерөнхийлөгч, УИХ
болон Засгийн газрын гишүүд шинээр хууль санаачлан өргөн барих эрхтэй байдаг. Ямар
ч гишүүн хууль санаачилж болдог учраас зарим нь шөнө зүүдэлсэн зүүдээ хууль болгох
гэдэг болчихож. Ард түмний саналыг авч төр түшилцэж буйн хувьд заавал ч үгүй хууль
санаачлах ёстой гэж бодон өөрийгөө хүчлээд ч болтугай төсөл боловсруулж байна. Тэр
нь ямар ч судалгаа тооцоогүй, гарах үр дүн нь тодорхойгүй. УИХ болон Засгийн газрын
гишүүн л болсон бол ямар ч хамаагүй хуулийн төсөл санаачлах, улмаар батлуулах ёстой
гээд бодчихдог учраас өөрсдийн санаанд орсноороо хаа хамаагүй хандаж байна. Үр дүнд
нь иргэдийн амьдрал, бизнесийн орчинд тээг болсон хууль эрхзүйн орчин бий болдог.
Үүнийг өөрчилж цензуртэй болгомоор байна. Тэгэхгүй бол нэг өглөө босоод ирэхэд амьдралд
огтоос нийцэхгүй хууль батлуулчихсан байдаг болж.

Аливаа сэтгэлийн хөөрлөө даралгүйгээр
баталсан популист шинжтэй хууль шиг хэрэггүй зүйл ард түмний амьдралд байхгүй. Хэвлэл
мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хоёрдугаар бүлгийн наймдугаар зүйлд л гэхэд
редакцийн үүсгэн байгуулагч нь нийтлэлийн бодлогод оролцохгүй гээд заачихсан байдаг.
Гэтэл хөрөнгө санхүүгээ гаргаад тухайн хэвлэл мэдээллийн байгууллагыг үүсгэсэн хүн
нийтлэлийн бодлогод оролцохгүй байна гэж байх уу. Нэг үгээр хэлбэл, дэлгүүрийн эзэн
ямар бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх саналаа хэлж болохгүй гэж байгаатай ижил утгатай.
Бизнес эрхэлж буй хүмүүс иймэрхүү байдалтай төстэй маш олон хуулийн буруу жишээ
ярьдаг. Ялангуяа татварын орчинд хуулийн маш буруу зохицуулалт олон бий. Угаасаа
ганцхан гишүүний үзэмж, оюун бодлоор шүүгдэж буй хууль төдийлөн нийгмийн амьдралтай
нийцэхгүй байна. Тиймээс нэн даруй хууль санаачлах, өргөн барих эрх мэдэлд өөрчлөлт
оруулмаар байгаа юм. Ганц жишээ дурдахад, Францын парламент 577 гишүүнтэй. Хууль
өргөн барих эрх гишүүн бүрт байдаггүй. Нийт гишүүдийн арван хувь буюу 58 гишүүн
нийлж байж хууль өргөн барих эрхтэй болдог. Энэ бол бие даасан, нэр алдарт дуртай
сүгсэлзсэн юмнуудаас сэргийлэх сайн механизм. Яг үүнтэй ижил байдлаар хууль өргөн
барьж буй гишүүдэд цензур тавьдаг байх хэрэгтэй.

Дор хаяж УИХ-ын 15 гишүүн тухайн
хуулийн төсөл дээр нэгдэж, зөв бурууг нь сайтар дэнсэлж байж УИХ-ын даргад өргөн
барьдаг болмоор байгаа юм. Хэрэв энэ тоонд хүрэхгүй бол хууль санаачлах эрхийг хязгаарладаг
болъё. Тэгэхгүй бол ард түмний нүдэнд нэг их сайн хүн болж харагдах гэсэн, маргаашийн
цаад өдрийг харах чадваргүй популист сэтгэлгээний хууль батлагдахыг хэдий болтол
харах вэ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Сосорбарам: Авлига, хээл хахуульд идэгдсэн өнөөгийн нийгэмд хүний эрхийг сэтгэл зүй, удам судар, эдийн засгаар нь хохироодог болсон

Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарамтай ярилцлаа. Тэрээр өчигдөр хэсэг нөхдийн хамт хэвлэлийн бага хурал хийсэн юм.

-Э.Бат-Үүлийг С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгахаар болсон. Та 1990 онд хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэж явсан хүн. Тэр үеийг өнөөдөртэй харьцуулахад ямар дүр зураг харагдаж байна вэ?

-Хүний эрх, эрх чөлөө тухайн үеэс огтхон ч дээрдээгүй байна. Нийгэм дэх бүхий л асуудал мөнгө, хээл хахуультай холбоотой болжээ. Коммунист дэглэмийн үед шууд яргалдаг байсан. Харин авлига, хээл хахуульд идэгдсэн өнөөгийн нийгэмд хүний эрхийг сэтгэл зүй, удам судар, эдийн засгаар нь хохироодог болсон байна. Мөнхийн шоронд байлгана гэсэн үг байхгүй юу. Шууд алахаас илүүтэй оюун санаагаар нь үхүүлж шоронд байлгадаг болсон байна. Би Э.Бат-Үүлтэй найз. Манайхан гэр бүлээрээ найзууд. Үр хүүхдүүд маань ч бие биедээ ахаа, эгчээ болцгоосон улс. Нөгөө талаасаа монгол хүний жам ёсны үнэ цэнэтэй эрхийг авчрахын төлөө 1990 онд хамт зүтгэж байсан журмын нөхөд. Тэр хүнийг хэн бэ гэдгийг би мэднэ. Тиймээс зөв үйлийн төлөө зүтгэж байсан, гүтггэлэгт өртөж буй найзыгаа чин сэтгэлээсээ өмөөрч байна. Ер нь Э.Бат-Үүлээр дамжаад нэг аймшигтай зүйл харагдаад байгаа юм. Тэр нь үнэний, зөвийн төлөө бор зүрхээрээ амьдарч буй тэр бүх хүний зүрх рүү шагайж буй сталинч, хрушевч бууны амны эсрэг л дуугарч байгаа юм.

-Та гүтгэлэг гэж хэллээ. Гүтгэж байгаа нь хэр үнэний ортой юм бэ?

-Цэвэр гүтгэлэг.

-Та С.Зоригтой ч тэр, Э.Бат-Үүлтэй ч тэр ойрхон харилцаатай байсан хүний нэг. Энэ хоёр хүний хоорондын харилцаа ямархуу байсан юм бэ?

-Нарийндаа бол С.Зориг, Ц.Элбэгдорж гэхчилэн ардчиллын 13 гэж ярьдаг шүү дээ. Бид бие биенийгээ дэндүү сайн мэднэ. Тэр дотор “малыш” Энхтүвшин гэж нөхөр бий. Тухайн үед нууц л байлаа. Одоо бол ил болсон. НАХЯ-наас бидний дунд орж ирээд мэдээлэл авч байсан нөхөр гэдгийг тэр үед гадарлаж байсан. Хожим нь бүр илүү мэдсэн. Биднийг хооронд нь, бие бие рүүгээ арсалдуулж байж Э.Бат-Үүлийг буудаж байна. Би “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орох үедээ ардчиллын түүхийн нэгээхэн хэсгийг маш бодитой үнэнээр ярьсан. Бид ардчилал гэж дандаа худлаа ярьж байна. Цаг улирах тусам гоёод байдаг зүйл огт биш. Байх ёстой зүйл бодитоороо, байх ёстойгоороо байг гэж ярьсан. “Малыш” гэж хэн байсан, ямар хутгуур байв, НАХЯ-ны ямар хэрэгжүүлэгч байв гэдгийг хэлсний төлөө үгийг нь монтажлаад С.Зоригийг Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр алсан юм байна гэх жишээтэй. Энэ удаагийн Э.Бат-Үүлийн гүтгэлэг ингэж эхэлсэн. Би дотроо “Нэг л юм хийх гээд байна. Юу болох юм бол доо” гэж харж байсан. Тухайн үед би дуугараагүй. Чимээгүй харж байя гэж бодож байлаа. Гэтэл өнөөдөр ийм зүйл болж байна. Явцыг нь сайн анхааралтай хараарай. Энэ сарын 9-ний орой Б.Булганыг сулласан. Тэр оройдоо Э.Бат-Үүлд яллагдагчийн дуудлага өгсөн байгаа юм. Сонин байгаа биз. Б.Булган эмэгтэй хүн. Тэр хүнийг яаж тарчлаан зовоож, уландаа гишгэж байсныг мэдэхгүй юм. “Чи зүгээр л Э.Бат-Үүл гээд заачих” гэж чадах улсууд шүү дээ. Ийм муухай арга барилаасаа салаагүй цагт бид ардчилал гэж ярих утгагүй. Тиймээс би юу гэж дотроо бачимдаад байна вэ гэвэл Монголд ардчилал гэж байдаг бол, Ардчилсан нам гэж байдаг бол шинэчлэгдэх ёстой. ҮЗХ гэдэг бол ерөөсөө биш байгууллага. Мөнгөнд идэгдэж, даргыгаа тахин шүтсэн л газар. Тэд шинэчилж чадахгүй. Шууд зарлаад их хурлаа хуралдуулах хэрэгтэй. Их хурлыг сум, багийнханд ч нээлттэй байлгах ёстой юм.

-Э.Бат-Үүлийг мэдээлэл хийхийн өмнө та холбогдсон уу. Юу гэж байх юм?

-Яллагдагчаар татагдахаас нь хоёр, гурван хоногийн өмнө сураг сонссон. Тэгээд найзтайгаа уулзсан. “Юу болоод байна вэ, юу гэсэн үг вэ” гээд ярилцсан. Улаанбаатар хот ямар байлаа даа. Хэзээ байтлаа Улаанбаатар ийм байсан юм бэ. Наад захын жишээ, харгуй замыг нь харчих. Цагдаа, иргэний хоорондын харилцааг хар. Цагдаа чи очиж иргэдэд үйлчил гэдэг Засаг дарга байлаа шүү дээ.

-Танд юу гэж байх юм?

-Мань эр бол өөрөө “Өө гайгүй байх. Шуугиан дэгдээж байгаа байх. Хууль зөрчиж болохгүй. Хуулиас гадуур зүйл яваад байна. Харзнаж байя” гэсэн. Гэвч удаан хараад хэрэг байна уу даа, хөдлөх хэрэгтэй гэж зөвлөсөн. Би одоо хэлж байна, ийш тийшээ хамаагүй битгий яваач гэж. Үр хүүхдээ ч гэсэн хамгаалах хэрэгтэй. Яаж ч мэдэх хүмүүс бий. Мөнгөтэй болсон хүмүүс юу ч хийж, яаж ч мэднэ. Энийг сануулж хэлсэн. Гэтэл надтай уулзсанаасаа хойш хоёр хоногийн дараа хэвлэлийн бага хурал хийж олонд мэдээлсэн. Юу болоод байгаа талаар хэлэхгүй бол болохгүй шүү дээ. Юу ч яриулахгүйгээр аваад явчихвал яах юм бэ. “Малыш”-ыг гэр бүлээрээ хоол идэж байхад нь тэгээд л аваад явчихсан шүү дээ. Тэрэн шигээ зүйл хийвэл хийнэ шүү дээ. Ер нь бүх процесс санаатай явагдаад байгаа. С.Зоригийн эхнэрийг тамлаж тамлаж гаргачихаад тэр оройдоо Э.Бат-Үүлд бичиг явуулж байх жишээтэй.

-Юу юугүй л хэвлэлийн хурал хийж олон нийтэд хандаж байгаагаас нь харахад их айсан мэт харагдаад байгаа. Монгол Улсын баатар хүн ингэтлээ айж сандраад байх хэрэг бий юу?

-Баатар байх энд ямар ч хамаагүй шүү дээ. Баатар хүн дуугүй байж байгаад сүйрэх үү. Энд баатар байна уу, төрийн хүн байна уу гэдэг огт хамаагүй. Хүн нь л өөрөө хэрэгтэй. Хүн болгонд таалагдах ч алба байхгүй. Манайхан баатар хүн тийм байх ёстой, төрийн шагналтай хүн ийм байх ёстой гээд нэг загварт оруулах гээд байдаг. Ёстой юм энэ хорвоод байдаггүй юм. Харин ч ёсгүй нь их байдаг юм шүү. Тийм учраас Монголын ард түмэн ёстой зүйлд битгий баглагдаад бай, ёсгүй юм гэж бас байдаг юм гэж хэлмээр байна. Ёсгүй юмнаас ёстой гэдэг нь ёсзүйг эвддэг юм. Тийм учраас ёсгүй дотор зөв сэлж гар гэж хэлэх дуртай.

-С.Зоригийн хэрэг сөхөгдөх бүрт л хамгийн түрүүнд Э.Бат-Үүлийг хамаатуулаад байдаг. Ямар учиртай юм бэ?

-Тэр үйл явдал болсны дараа Ц.Элбэгдорж тэргүүтэй найз нөхөд, улс төрийнхөн очсон. Э.Бат-Үүл хамгийн дотнын найзынх нь хувьд мэдээж хэрэг яваад очно. Хэн ч байсан санаа зовоод очно биз дээ. Гэтэл гай болж малгайгаа мартчихсан. Мартамхай зан нь бүр багынх. Унаган зан нь ч гэж хэлж болно. Хэрэг сөхөгдөх бүрт Э.Бат-Үүлийн малгай гэж яриад байдаг. Ороод гарахдаа мартсан малгайнаас болж толгойг нь онилоод байна.

-Хэрэгтэй холбогдуулан Э.Бат-Үүлийг шалгаж байгаа нь анхных биш. Зүгээр нэг сүрдүүлэг байдаг юм болов уу?

-Сүрдүүлэг, хэлмэгдүүлэлт хоёр ер нь бол адилхан. Улс төрийн байр сууринаас нь холдуулах, улс төрийн карьерыг нь болиулах гэсэн холын гар орж ирчихээд байна. Дандаа өөрөөсөө өндөрт байгаа хүндээ атаархаж байдаг шүү дээ.

-Э.Бат-Үүлийг гэхээсээ илүүтэй Ардчилсан намын лидерийг унагах гэсэн шоу юм болов уу гэх хардлага бас байна?

-Тийм шүү дээ. Сонгуульд ялалт байгуулах, өрсөлдөгчгүй болгох гэсэн л санаа. Ерөнхийлөгч, намын даргад Э.Бат-Үүлтэй тэнцэх хэмжээний удирдагч Ардчилсан намд одоо байхгүй болсон. Ц.Элбэгдорж найман жил Ерөнхийлөгч хийгээд хугацаа нь дуусах дөхөж байна. Одоо Үүлээс өөр лидер байхгүй. Мэдээж хэрэг Баабар, Ганболд нар улс төр рүү орохгүй юм шиг байна лээ. Тэд бүгдээрээ Бат-Үүлийг өмөөрнө, зүтгүүлнэ. Хэрвээ Ерөнхийлөгч болчихвол асар их гэрэл гэгээ, ёс зүй ярина. Хуйвалдаан ихтэй нийгэмд энэ хүн гай болно гэдгийг мэдэж байгаа болохоор байхгүй болгох гээд байна. Би юу юуны түрүүнд ингэж харж байгаа. Тэр байтугай Э.Бат-Үүлийг МоАХ-ноос өмнө “Шинэ үе” гэж улс төрийн бүлгэм байгуулаад явж байхад НАХЯ дээр дуудаж авчраад алах ял өгнө гэж хашгирч байсан.

-Найз нөхдийн хувьд та өнөөдөр олон нийтэд мэдээлэл өгч байна. Цаашид хэрэг улам хүндэрвэл яах вэ?

-Би бол тэвчихгүй. Цаашаа ямар арга зам байна, тэр хүртэл явна. Олон улсын байгууллагад хандана. Арбитрын шүүхэд хандана. Хандаж ч эхэлж байгаа. Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ. Одоо гадагшаа явчихсан байгаа ч гэлээ мэдээлэл авч л байгаа. Хууль цагдаагийнханд шаардлага хүргүүлээд хариугаа авна.

-Та хоёр анх яаж танилцаж байсан юм бэ?

-МоАХ анх байгуулагдах гээд дуншиж байсан үе л дээ. “Залуучууд” зочид буудалд дугуй танхим гэж байсан юм. Тэнд цугларч хуралдахдаа зохицуулах зөвлөл байгуулъя гэсэн байдаг. Тэр үед Э.Бат-Үүл “Д.Сосорбарам гэж жүжигчинг оруулъя” гэсэн юм билээ. Бие биенээ таньдаггүй байсан үе л дээ. Дараа нь танилцсан хойноо тухайн үед яагаад миний нэрийг дэвшүүлж байсан юм бэ гээд ярилцсан. Гэтэл “Амьдралын нахиа” кино гарсны дараахь ярилцлагыг үзсэн байгаа юм. Тэр үед би манай систем угширмал байна, өөрчлөхгүй бол болохгүй нь гэхчилэн ярьсан. Тэр яриа Э.Бат-Үүлд их таалагдсан гэсэн. Өөрийнх нь үзэл бодолтой нийлэхгүй юу. Тэгээд л бид найз нөхөд болсон. Сайхан үйл хэрэг, шинэчлэл өөрчлөлтийн төлөө нийлж найз нөхөд болсон. Зүгээр нэг ширээний ард ганц, хоёр шар айраг ууж найзлаагүй. Их ондоо зорилгын төлөө явж байхдаа л найзалж эхэлсэн.

-Улстөрч биш эр хүнийхээ хувьд ямар хүн бэ?

-Хүнд ховор чанар байдаг. Тэр болгон хүн заяагаад байхгүй сайхан чанартай. Хэн нэгнийг гундаж, ядарч явахад нь үргэлж гараа сунгадаг зантай. С.Цогтсайханд бол их тус болсон. Үр хүүхдийг нь байнга анхаардаг. Ер нь бидний нөхөд бие биедээ туслах чин сэтгэлтэй. Байр орноос эхлээд туслах зүйл олон тохиолдоно.

-С.Зориг агсан үгүй болсны дараа та бүхэн найз нөхдөөрөө суугаад ярилцсан л байх. Юу болоод өнгөрөв өө гэж. Чухам юу гэцгээж байв. Янз бүрийн хардлага, таавар их л байсан байх?

-Үнэндээ учраа ч олоогүй. Дараа нь их битүү хэрэг болчихсон. Таахын арга байгаагүй. Тэгсэн юм болов уу, ингээ болов уу гэж ярих гэхээр л хүн буруу хардаад яахав гэж бодогдоно. Тэр дундаа Э.Бат-Үүл хүмүүсийн хий хардлагыг зогсоож байсан хүн. Гадуур янз бүрийн л яриа байсан даа. “МАХН-ынхан хийсэн” гэхэд Э.Бат-Үүл зогсоож байв. Батлагдаагүй, нотлогдоогүй хэргийг хамаагүй ярьж болохгүй. Энэнээс болж ард түмэн хоорондоо хагаралдвал яах вэ гэсэн байр суурьтай байсан. Тэр бүү хэл Н.Энхбаярыг баригдаад явахад “Хэрэг нь нотлогдоогүй байхад хүнийг хэлмэгдүүлж байгаа юм биш үү” гэсэн утгатай зүйл телевизээр ярьж байсан. Шүүхээр шийдэгдээгүй байхад та нар ингэж болохгүй ээ гэж байсан хүн шүү дээ. Уг нь Э.Бат-Үүл, Н.Энхбаяр хоёр тэс өөр үзэл бодолтой хүмүүс. Үзэл бодлын хувьд нийлэхгүй салаа зам ч гэлээ хүнийг ингэж болохгүй гэж дуугарсан хүн. Эндээс Бат-Үүл хэн бэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа биз дээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Ганга нуур 30 мянган малын “цэвэрлэх байгууламж“ болжээ

Дорнод зүгийн талын чимэг болсон Ганга нуур ширгэж байна гэх чимээ энэ зун тасарсангүй. Аагим халуунд нуурын ус бараг л юу ч үгүй болтлоо ширгэж байгаа тухай зүүн аймгаас ирсэн хүн бүр толгой сэгсрэн ярилаа. Хэт халснаас болж нуурын ус ууршаад дэгдчихсэн гэж ярих нэгэн байхад учир мэдэх хүмүүс малын баас шээс Ганга нуурыг мөхөөж байна гэв. Нутгийн олон угтаа Ганга нуурыг хөвөө хязгааргүй их далай лугаа адил сэтгэн хайрлан хүндэтгэдэг. Гэсэн ч нуурын ус урьд өмнөх үеэсээ хэд дахин багасаж юу юугүй алга болохын даваан дээр байна. Шалтгаан нь өнгөрөгч зун хэт их халсандаа ч байгаа юм биш. Нуураа бараадан амьдардаг нутгийн айлуудын малтай л холбоотой. Хун шувууд өдөржин шөнөжин гангананхан байдаг Гангын эрэгт өнөө жил 30 гаруй мянган мал зуссан байна лээ. Хөрсөн дээрээ 40 хэм хүрч халахад адуу мал сүрэг сүргээрээ багшралдан нуур руу тэмүүлэх нь ойлгомжтой. Ялаагаа үргээн өдөржин налайн зогсоо мал мэдээж хэрэг усан дотор бааж шээж таараа. Нэг адуу өдөрт таван кг хомоол унагадаг гэж бодвол нуур өдөр бүр 150 тонн малын баас шингээх гэж үйл тамаа цайдаг байж таарах нь. Дээрээс нь 90 гаруй тонн шээс нуур руу ордог гэж тооцоолъё. Ийм байхад нуур ширгэхгүй байхын аргагүй. Яаж харин ийм олон жил тэсч, тэмцэж чадсан юм бол гэмээр. Дээрээс нь урьд өмнө хорин нэгэн булаг шанд Ганга нуураа тэжээн тэтгэдэг байсан бол өнөө жил хоёрхон нь үлдэж. Дагшин булгийн ус тал бүрээс нь цутгаж халгин цалгин мэлтэлзэж байдаг байсан Ганга нуур дээрх хоёр шалтгааны улмаас лаг шавар болтлоо өтгөрч хүн бүү хэл мал орохын эцэсгүй болжээ. Ингэж Монгол орны аль л сайхан нуур цөөрмийг 70 сая эвэртэй нинжа сүйтгээд дуусах нь. Энэ тухай манай сонин өнгөрсөн хавар “Монголын сайхан байгалийг мал сүйтгэх, нинжа сүйтгэх хоёрт чанарын ялгаа алга” гэж бичиж байлаа. Бид оргүйгээс ингэж бичээгүй. Олон газраар, Монгол орны бүх л аймаг, сумдаар томилолтоор явах үедээ олон нуур, цөөрөм хэрхэн алга болж буйг харсан болохоор бичдэг юм. Аль ч нутгийн нуур, цөөрөм ор мөргүй ширгэж алга болсон нь голдуу мал сүрэгтэй холбоотой. Нутгийн иргэд ч энэ тухай ярьдаг. Манай нутгийн тэдний мал өдөржин нуурын усанд зогсчихдог. Тийм үед нуурын уснаас умдаалах бүү хэл хажуугаар нь явахаар хомоол үнэртдэг гэж ярьдаг юм. Ингэж Монголын аль үзэсгэлэнтэй булаг шанд, нуур цөөрөм олон сая малын баасыг шингээх “цэвэрлэх байгууламж” болж байна. Хотын бид зуны амралтаараа ойр зуурхан амралтаар явахдаа ийм байдлыг нүдээр харж мэдэрдэг дээ. Аль сайхан байгальтай, мод ус жигдэрсэн тийм л газар хэдэн мал очоод шавчихсан байдаг. Хөөж туугаад ч нэмэргүй. Майхан барих бүү хэл суух ч газаргүй болтол бааж шээсэн байдаг болохоор цэвэрхэнийг нь бодон хайрга чулуу бараадан явахаас өөр аргагүй болно. Тийм сайхан байгальтай газар хоёр, гуравхан айл зуссаны дараа жил улаан халцгай болоод үлдэх нь бий. Жижигхэн гол горхи тэр олон малын хөлд сүйтгэгдэн мөхөхийн наахна үлдээд байх юм. Зарим нь ч тэнд булаг, горхи байсан гэх ул мөргүй болтлоо юу ч үгүй хатаж хоцорно. Ингэж гол горхи, нуур цөөрөм ширгэж алга болоход мал сүрэг хамгийн их нөлөөлж байна. Дээрээс нь Монгол орон төдийгүй дэлхий жилээс жил ирэх тусам улам бүр хуурайшиж буй. Ийм нөхцөлд бид яах ёстой вэ гэвэл нуур руу мал сүргийг хөлөөр нь оруулж амаар нь уулгахыг л болиулмаар байгаа юм. Нуур усаа хашаалж хамгаалах хэрэгтэй. Гадна талд нь худаг гаргаад өгчихье. Булаг шандын эхийг адуу мал даваад гарчихааргүй хашаа хороогоор хамгаалмаар байна. Ингэвэл ядаж л газрын гүнээс оргилон ундарч буй эхийг нь юу ч үгүй гишгэлээд байхгүй. Харин ойролцоо нь гүний худаг заавал ч үгүй гаргаад өгчих. Булаг шанд оргилж буй газрын ойролцоох гүнд усны ундарга байж л таараа. Иймэрхүү ажлуудыг тухайн орон нутгийн засаг захиргааныхан нэн даруй зохион байгуулмаар байгаа юм. Томоохон нуур цөөрмөөс шуудуу татаад малаа услаад байж болно шүү дээ. Ямар огт ус уулгахаа больё гэж байгаа биш. Хамгийн гол нь сүрэг сүргээр нь нуурын ус руу оруулж өдөржин баалгаж шээлгэдгийг л болиулчихмаар байгаа юм. Том том хөндий, шилд мал бэлчээрлэх газрыг тусгайлан зааж өгөөд тэнд нь худаг гаргаад өгчихвөл болоод явчихна. Хэрэв нуур цөөрөмтэй ойрхон зусаад мал сүргээ өдөржин усанд байлгадаг бол өндөр хэмжээний татвар оногдуулж болно. Тэгэхгүй бол Монголын аль сайхан гол горхи ор мөргүй ширгээд алга болох нь. Энэ янзаар байвал ариун Гангын ус юу ч үгүй болох нь. Хоёр, гуравхан жилийн дараа үр хүүхдээ дагуулан Дарьганга нутагт очоод “Энд мянган хун чуулдаг Ганга нуур байлаа” гээд цэлийсэн хоосон тал ширтээд дурсан суух энүүхэнд болчихжээ. Алдарт Ганга битгий хэл бараг хүн мэдэхгүй шахам хэчнээн нуур цөөрөм энд тэнд ширгэж байгааг тааж хэлэхийн арга алга.

Намар намарт мянган хун цуглуулчихаад хүн бүрийн сэтгэлийг хөвсөлзүүлэн холын холоос даллан дууддаг Ганга нуурын намар энэ жил дэндүү уйтай байгаа даа. Өдийд уг нь алс нутаг руу үрсээ дагуулан нисэхээр бэлтгэлээ базааж хол ойр нисэх хун шувуудад дарагдан хөлтэйхэн байгаа дуулддаг сан. Байгалийн гайхам сайхан энэхүү үзэгдлийг харах гэж дотоодын төдийгүй гадаадын жуулчид нуурын эрэг бараадан багшралддаг байлаа. Гэтэл энэ жил гуравхан хун дэгдээхийгээ дагуулаад уйтайхан намаржиж буй сурагтай. Уг нь дунд сургуулийн сурагч байхдаа “Ганга нуурын усаар үсээ угаасан бүсгүй хүн жаргадаг” хэмээн уншиж билээ. Тэр цагаас хойш сэтгэлдээ Ганга нуурын усыг төсөөлөн очих өдрийг хүлээсэн дээ. Харин нуурын ус намайг очихоос урьтаж малын хөлд дарагдан юу ч үгүй ширгэж алга болчих гээд байх шиг ээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат та Монголын өтгөс буурлаас нэн даруй уучлал гуй

Ардчилсан нам Хамтын тэтгэврийн тухай хуулийг
санаачилж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард батлуулсан. Өндөр настан гэлтгүй ажил
хийж даатгал төлж буй хүн бүрийн төрд итгэх итгэлийг бататгасан уг хууль ирэх оны
нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байлаа. Энэ ямар хууль вэ гэвэл насаараа хамт
амьдарсан хоёр хөгшний нэг нь ертөнцийн жам ёсоор өөд болоход үлдэж буй нэгэнд тэтгэврийнх
нь 20 хувийг олгох зохицуулалттай байсан юм. Ахмад буурлуудад тун чиг хэрэгтэй уг
хуулийг өнөөдрийн эрх баригчид хүчингүй болгон зогсоож байна. Зогсоохдоо зүгээр
ч нэг болиулчихсангүй. Хүний санаанд оромгүй байдлаар бузар муухай хэмээн дуудаж
баахан шалтаг тоочлоо. Сангийн сайд Б.Чойжилсүрэн Төсвийн байнгын хорооны хурал
дээр “Үхсэн хүний мөнгийг авч ясыг нь өндөлзүүлж чадахгүй гэж ахмадууд хүсэлт гаргасан”
гэх утгатай үг хэлсэн. Монгол Улсын Сангийн яамыг толгойлж буй сайд хүний ёсны эсрэг
үг хэлснийг сонссон бүхэн жийрхэн хүлээж авсан нь үнэн.

Өвгөдийнхөө өв хөрөнгийг
бузар муухай гэж хэлдэг хүн хаа байдаг юм бэ, Б.Чойжилсүрэн сайд аа. Таны хэлснээр
бол хэн нэг өвгөний нэр дээр байсан малыг нас барсан хойно нь хээр аваачин тууж
явуулах уу. Гэрийг нь жалганд шатааж, үр хүүхэд нь овгоосоо татгалзах болж байна
уу. Үүн шиг худал зүйл байдаггүй юм аа. Хүн төрөлхтөн үе удам дамжин амьдардаг.
Эцгийнхээ овгоор дуудуулж, эд хөрөнгийг нь өвлөж үлддэг юм. Улс төр хийнэ, хийнэ
гэхэд арай хэтэрч байгаа юм биш үү. Гэтэл Сангийн сайдын дээрх үгийг залгуулаад
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бүр ч муухайгаар хэллээ. УИХ-ын чуулган дээр “…ганцаараа
үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие
рүүгээ харчихаад миний тэтгэвэр нэмэгдэх үү үгүй юу гэж их муухай юм бодно” гэхчлэн
ярив. Насаараа ханилж жаргал зовлонгоо хуваалцсан хөгшчүүл нэгийгээ хурдан үхээсэй,
тэтгэврээ нэмэгдүүлэх юмсан гэж бодоод сууж байх юм гэнээ. Ерөнхий сайдын хэлсэн
үг жирийн ухамсрын түвшинд ингэж л хүрч байна.

Ингэж хэлдэг Ерөнхий сайд байх ч
гэж дээ. Хоёр, гуравхан бор төгрөгнөөс болоод насаараа ханилсан ханиа элдвээр бодож
муухайгаар сэтгэх оюун санаа монголчууд бидэнд байхгүй шүү. Үгүй дээ л муугаар бодлоо
гэхэд улсаас өгөх тэтгэврийг бүрэн авахын тулд нэг нэгийгээ бөөцийлөн асарч хоёулаа
хамтдаа өтлөе хэмээн сэтгэнэ биз дээ. Гэхдээ ахмад буурлуудын минь толгойд тэтгэврийн
хэдхэн төгрөгийн тухай өчүүхэн ядмаг бодол байхгүй. Нялх балчраас минь өдийг хүртэл
өсгөн хүмүүжүүлсэн ахмад буурлуудыгаа Ерөнхий сайд хүнээр ингэж хэлүүлээд суумааргүй
байна. Буян хураасан ижий аав, эмээ өвөөг минь хүний ёсонд баймгүй муухайгаар доромжилсны
төлөө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулсан ч багадна. Амаа мэдэхгүй донгосч буй
Ерөнхий сайдыг зүгээр ч нэг огцруулахгүй хариуцлага тооцъё. Түүнд Монголын мянга
мянган ахмад буурал төдийгүй миний аав ээжийг доромжлох ямар эрх байгаа юм бэ. Ж.Эрдэнэбат
та Монголыг улсын дайтай улс байлгаж ирсэн ахмад буурлуудаас нэн даруй уучлал гуй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цөөхөн иргэдээ өвөл угаартуулж, зун живүүлсээр дуусгах нь

Улаанбаатар бол сая давсан хүн амтай их хот. Их хотын зовлон мундахгүй юм. Өвөлдөө утаанд багтарчих гээд, зундаа үерийн усанд живчих гээд байх бололтой. Өнгөрсөн пүрэв гаригт л гэхэд хотын төвд 20 минут орчим бороо ороход яалаа даа. Хувингаар цутгаж буй мэт аадар бороо мөндөртэй холилдон орсны дараа сэлээд харих нь л холгүй юм боллоо. Ялангуяа “Чингис хаан” зочид буудлын ойролцоо гамшгийн хэмжээнд очсон гээд хэлчихэд нэг их буруудахгүй л байх. Цахилгаан хөдөлгүүртэй гурван ч машин асахаа болиод түрүүлж байсан. Зарим нэг хүний яриаг сонсвол приус машин хөвсөн гэх юм билээ. Ямартай ч явган хүн битгий хэл машинтай хүмүүс хүртэл яахаа мэдэхээ байсан. Хүн бүр л манай хот ус дамжуулах хоолойгүй гэж ирээд л ярина лээ. Гэтэл үнэхээр ус зайлуулах хоолойгүйгээс болоод үерт автаад байна уу гэхээр бас ч тийм биш юм аа. Ус дамжуулах хоолой ихтэй дэлхийн орчин үеийн хотуудад үер болж л байдаг. Авто болон явган хүний зам дагуу хичнээн мянган ус зайлуулах хоолой байлаа гээд байгалийг хүчрэхгүй гэдгийг олон зүйлээр жишээлж болохоор байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Английн Эйплби, Карлайл хотууд үерт автан хичнээн мянган айл орон гэргүй болж байлаа. Үерийн улмаас сургууль, цэцэрлэгийг түр хугацаанд хаахаас өөр аргагүй байдалд хүрч байв. Учир нь өч төчнөөн албан байгууллагын барилга нуран унаж сүйдээд байсан юм. Эдгээр хотуудад ус зайлуулах хоолой байсан уу гэвэл байсан. Хамгийн гол нь нэгэнт ширүүлсэн байгалийн аашийг хэн ч зогсоож дийлэхгүй. Тиймээс монголчууд бид байгалийн гэнэтийн үзэгдлийн өмнө бэлэн байж сурмаар байна. Бидний сэтгэхүйд нэг зүйл байдаг нь үер боллоо гэхэд байгалийн үзэгдэл гэж хүлээж авахаас илүүтэй хотын захиргаа, эсхүл автозамынхныг буруутгаад байдаг. Гэтэл дан ганц ус зайлуулах хоолойноос болж Улаанбаатар хот үе үе үерт автаад байгаа юм биш. Тиймээс байгалийн ямарваа нэгэн аюулт үзэгдэл болоход иргэн бүр тодорхой хэмжээний үүрэг хүлээж сурмаар байна. Ядаж л өөдөөс үерлэн ирж буй их усны өмнөөс нэгийгээ түлхмээргүй байгаа юм. Өнгөрөгч долоо хоногт “Чингис хаан” зочид буудлын орчимд хөвсөн гээд байгаа машины эзэн “Өөдөөс их ус ирж байсан. Гэвч араас машинууд дуут дохиогоо хангинуулаад байсан учраас урагшлахаас өөр арга байгаагүй” гэсэн байна лээ. Ингэж мэдсээр байж нэгийгээ хүнд байдалд оруулмааргүй байна. Ус цахилгаан хөдөлгүүртэй машины хамар давбал асахаа больдог гэдгийг ихэнх жолооч мэдэж байгаа. Тэгсэн мөртлөө зогсоо чөлөөгүй дуут дохиогоо хангинуулаад байдаг нь бидний адгуу зантай холбоотой биз. Бас тэр үеэр хамраа татсан их усан дундуур хүч мэдэн зүтгэж буй автобусны бичлэг цахим ертөнцөөр тарсан. Ус бараг л автобусны тэг дундуур татаж байсан даа. Хүн бүр тэр бичлэгийг үзээд “Хөөх ийм аймаар үер болсон юм уу” гэцгээсэн. Гэтэл нийтийн тээвэрт үйлчилж буй автобус тийм эрсдэлтэй үйлдэл хийх нь зөв байсан уу. Зорчигч тээвэрлэн хэдэн арван хүний амь насыг хариуцаж яваа мөртлөө сахилгагүй жаал шиг саваагүй үйлдэл хийсэн нь тохиромжгүй байлаа. Хэрэв ямар нэгэн байдлаар цахилгааны масс үүссэн бол яах вэ. Тэгэхээр иймэрхүү байдалд бид өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй байна. Онцгой байдлын албанаас иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг бэлдэж түгээх хэрэгтэй. Замын хөдөлгөөнд оролцож байтал гэнэт үер болж их ус түрж ороод ирвэл жолооч нар ямар хэмжээ авах ёстой, явган яваа иргэд хэрхэх ёстой гэх мэтээр иргэддээ зөвлөмөөр байна. Ер нь бид усанд тийм ч сайн ард түмэн биш. Тиймээс зуны хэдэн сард гол, усны үерт үй олноороо живж үхэж байна. Ганцхан жишээ дурдахад өнгөрсөн амралтын өдөр зургаан хүн усанд живж амь насаа алджээ. Тэдний ихэнх нь хүүхэд. Гурав, дөрөв, таван настай гурван ч хүүхэд усанд осолджээ. Уг нь ийм насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийнхаа хараа хяналтад байх учиртай. Эцэг эхчүүд гурав, дөрөвхөн настай хүүхдийнхээ хаана, юу хийж явааг алхам тутамдаа мэдэж байх ёстой. Гэтэл бага насны хүүхэд усанд эндэх нь жилээс жилд нэмэгдээд байх юм. Ингэж олноороо усанд живж буйн шалтгаан ерөөсөө л эцэг эхийн хүүхдэдээ тавих анхааралтай шууд холбоотой. Бага насны хүүхдүүд живж үхээд байгаа нь хоёр гол шалтгаантай. Зуны халуун өдөр эцэг эх нь халууцаж байна хэмээн хүүхдээ гол руу дагуулаад явдаг. Эрэг дээр очсон хойноо хүүхдүүдээ тоглож байгаарай гэчихээд өөрсдөө бөөгнөрч суугаад хөзөрдөж архидан согтуурна. Энэ хойгуур эрэг дагуу хөөр баяр болон тоглож байсан хүүхэд ус руу унах жишээтэй. Эсхүл гадаа тоглож байгаад “Гол оръё” гэх бусдынхаа уриалгыг дагаж яваад усанд эндээд байна. Живсэн ихэнх хүүхдийн эцэг эх хүүхдээ алдсан тухайгаа ингэж ярьдаг. Тиймээс бүгчим халуун үргэлжилж буй эдгээр өдрүүдэд буюу ганцхан сарын хугацаанд үр хүүхдээ голын усанд үйчихгүйхэн шиг анхааралтай байгаач гэж аав ээжүүдэд уриалъя. Тэгэхгүй бол өглөө бүрийг тэдэн хүүхэд усанд живжээ гэх муу мэдээтэй угтах боллоо. Харин насанд хүрсэн хүмүүсийн усанд энддэг гол шалтгаан нь архи. Халамцуу үедээ ус руу гүйж ороод хорвоогоос буцаад байгаа. Тиймээс хэчнээн халуунд яаж ч бүгчимдсэн гэлээ голын ус руу гүйж орох хэрэггүй. Ялангуяа энэ жил хур бороо элбэгтэй байгаа учраас аль ч гол ус ихтэй байгаа гэсэн мэдээлэл байна. Тиймээс сэрүүцэхийн тулд голын эрэг бараадаж байгаа хүн бүр сонор сэрэмжтэй байх тун чухал. Тэгэхгүй бол сэрүүцэж зугаацахаар яваад алтан амиа алдсан иргэдийн тоо хэдэн зууд хүрэх нь ээ.

Мөн иргэдийг амь насаа алдахаас урьдчилан сэргийлэхийн тулд төрийн байгууллагууд хамтарч ажилламаар байгаа юм. Зуны аагим халуун өдрүүд эхлэх үеэс Онцгой байдлын аврагч нар өдөр шөнөгүй шахам эргүүл хийн анхааруулга өгч байгаа. Тэрэлжээс эхлээд Туул гол дагуу иргэдийн амарч суудаг ихэнх газраар завьтай, явган янз бүрээр л явж сэрэмжлүүлэг өгдөг. Гэсэн ч мянга, мянгаараа голын эрэг бараадах иргэн бүрт очиж заавар зөвлөгөө, сэрэмжлүүлэг хүргэж чадахгүй нь ойлгомжтой. Тиймээс энэхүү ажилд замын цагдаагийнхныг давхар дайчилмаар санагдана. Иргэдийн явдаг гол хэдэн зам дээр гол, усны нөхцөл байдлын талаар ерөнхий мэдээлэлтэй цагдаа жолооч нарт анхааруулга хүргэж болно. Машин бүрийг зогсоон ярилцаад байх амар биш ч сэрэмжлүүлэх хуудас тараагаад байж чадна шүү дээ. Тухайн тараах хуудсан дээрээ согтуудаа гол руу орж болохгүйг сайтар анхааруулахын дээр хэрэв усанд живбэл хэрхэх тухай тодорхой бичмээр байна. Хөл алдсан бол өөрийгөө хэрхэн удирдах, ямар арга чарга байдаг тухай мэдээлэл хүмүүст тэр бүр байдаггүй. Бас живж буй хүнийг хэрхэн аврах, уснаас татаад гаргаад ирлээ гэхэд анхан шатны ямар тусламж үзүүлэх гэхчлэн амьдралд хэрэгтэй олон зөвлөгөөг мэдэхгүй хүн олон. Түүнчлэн голын ус бараадан сэрүүцэх гэж байгаа бол эргээс хэдэн метрийн зайтай суувал аюулгүй байх зөвлөмжүүд хэрэгтэй. Зарим хүн ус руу л орохгүй бол живэхгүй гээд эрэг рүү хөлөө унжуулаад суух нь бий. Гэтэл голын ус ихтэй, үертэй байгаа жилд эргийн хөрс тун сийрэг болчихсон байдаг. Зүгээр сууж байгаад босох үед эрэг нураад ширүүн урсгал руу аваад явчих нь ч бий. Тэгэхээр энэ бүхнээс сэргийлсэн зөвлөмжүүдийг иргэдэд яаралтай тараамаар байна. Одоо голын эрэг бараадан суухад сар гаруйхан хугацаа үлдэж. Энэ хугацаанд иргэдийнхээ амь насыг авран хамгаалахын төлөө Онцгой байдлын ерөнхий газар гэлтгүй төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран урьдчилан сэргийлэх арга хэмжээ авъя. Тэгэхгүй бол цөөхөн иргэдээ өвөл угаартуулж, зун живүүлсээр дуусгах нь байна шүү.


Categories
мэдээ цаг-үе

Бид Монголоо бүтэн харж ажиллах ёстой

УИХ-ын гишүүн Д.Гантулгатай ярилцлаа.

-Энэ удаагийн парламентын хамгийн залуу гишүүн болж буйд тань баяр хүргэе.

-Баярлалаа. Монголын залуус, нутгийн зон олон минь намайг дэмжиж төрийн түшээ болголоо. Иргэд, сонгогчдын хувьд МАН-д итгэл хүлээлгэж төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллаарай гэсэн. Миний хувьд 29 настай. Манай тойрогт иргэд, сонгогчдын 600-700 мянга гаруй нь миний насны болон дүү хүмүүс байсан. Тэр олон залуусынхаа дуу хоолойг төрд хүргэхээр сонгогдсондоо баяртай байгаа. Би оюутны байгууллагын ерөнхийлөгчийн хувьд залуусынхаа боловсролд түлхүү анхаарал хандуулан ажиллана гэж бодож байна. Мөн нутгийн хөгжилдөө тулгуурлан зохиосон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд хичээх болно. Хэнтий аймгийн иргэдийн хурлын сонгуульд мөн МАН-ынхан дийлэнх суудлыг авсан. Тиймээс тэдэнтэйгээ хамтраад орон нутгийнхаа хөгжлийн төлөө ажиллах бололцоо бүрдсэнд баяртай байгаа. Ер нь монгол төр тогтвортой байж гэмээнэ эдийн засгаа сэргээж өрийн асуудлаа шийдвэрлэх болно.

-Танай аймагт тулгамдаж буй гол асуудал юу байдаг вэ?

-Ер нь монгол төрд нүүрлэж буй гол асуудал бол хагарал, талцал, намчирхах үзэл. Үүний эсрэг зогсоно. Бид Монголоо бүтэн харж ажиллах ёстой. Надад саналаа өгөөгүй таван мянган иргэн байна. Тэдний итгэлийг олохын тулд төрийн ажлыг сайн хийнэ. Тэгэхгүй бол зөвхөн намтайгаа, зөвхөн өөрийг нь сонгосон түмэн олонтойгоо ажилладаг улстөрчдөөс болж Монгол хуваагдаж байгаа. Монгол байгаа боломжийнхоо талыг ашигласан. Одоо Монголоо бүтэн болгохын төлөө ажиллана.

-Сонгуульд ямар уриатай оролцсон бэ. Залуу хүн улс төрийн талбарыг арай шинэлгээр харж байв уу?

-УИХ-ын 42 дугаар тойргоос сонгогдсон шүү дээ. Тэнд Ц.Оюунбаатар даргатай өрсөлдсөн. Ц.Оюунбаатар дарга намайг есдүгээр ангийн жаахан хүүхэд байхад минь УИХ-д өрсөлдөж байсан. Түүнээс хойш 12 жилийн дараа намын удирдах зөвлөлийн гишүүн, холбооны ерөнхийлөгч, докторт суралцаж буй судлаачийн хувьд өөрийгөө өрсөлдөх бүрэн боломжтой гэж үзсэн. Иймд намын Удирдах зөвлөлдөө дэвших саналаа хэлсэн юм. Намайг ийм санал тавихад боломжгүй гэж олон хүн харж байсан байх. Гэхдээ залуу хүн, залуусын баг хамтдаа зүтгэж амжилтад хүрлээ. Тэдэндээ баярлалаа гэж хэлье. Монголын улс төр, нийгэм даяараа шинэ хүн хүсч байсны илэрхийлэл болж байх шиг байна.

Өмнө нь та хаана ажиллаж байв?

-Би “Сан” дээд сургуулийг санхүү, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Бизнесийн магистрын зэргээ 2021 он хүртэлх үндэсний хөгжлийн цогц бодлогод анализ хийж хамгаалсан. Одоо Удирдлагын академид Удирдахуйн ухааны докторын чиглэлээр суралцаж байна. Нэгдүгээр курсийн оюутан байхдаа “Монголын лектор” төвд цагийн багшаар ажиллаж эхэлсэн. Хоёрдугаар курстээ үндсэн багш болж дараа жил нь сургалт хариуцсан захирлаар ажиллаж байлаа. Дээд сургуулиа төгсөх жилээ хүүхэд залуусын оролцоог дэмжих “Хөгжлийн түүчээ” санг үүсгэн байгуулж анхны тэргүүнээр ажилласан. Улмаар “Doctor english” сургалтын төвийн захирлаар ажиллаж байгаад МАН-даа элсэн орсон. Одоо Оюутны холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа.

-Аав, ээж тань Хэнтийн уугуул уу. Юу хийдэг хүмүүс вэ?

-Миний аав Хэнтийн Жаргалтхаан, ээж Мөрөнгийн хүн. Би Мөрөн суманд төрсөн. Аав маань малчин. Ээж насаараа бага эмчээр ажиллаж байгаад одоо тэтгэвэртээ гарсан. Би эцэг эхээс зургуул, айлын отгон хүү. Манай ах, эгч нар нутагтаа мал маллаж амьдарч байна. Тэд маань намайг сургууль соёлд сурч, эрдэм боловсролтой хүн болгохын төлөө зарим нь сургуульд суралгүй малаа маллаж, барилга дээр ажиллаж зүтгэсэн. Тэднийхээ итгэл үнэмшлийг тээж явахын төлөө зүтгэнэ.

-Сонгуульд яллаа гэдгээ мэдээд хамгийн түрүүнд хэнд дуулгав?

-Аав, ээжтэйгээ хамт байсан болохоор ялалтын мэдээг бүгдээрээ зэрэг сонссон. Би дүн гарахад Хэнтийд байсан юм. Гэр бүлийнхэн маань л их баярладаг юм билээ.

-Аав, ээж тань юу гэж захисан бол?

-Олон түмнийхээ итгэлийг дааж, хичээж ажиллаарай гэсэн дээ. Тэднийхээ захиасыг санаж өөрт буй бүхий л боломж, мэдлэг чадвараа дайчлан ажиллах болно.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Суран ташуур, сайвар морь хоёр Монголыг хөгжүүлэхгүй л дээ

Сүүлийн үеийн УИХ-ын шинэ гишүүдийн дунд сенсаци тарьж байгаа нь С.Жавхлан. Төрийн түшээ болж тангараг өргөх үедээ морь унан ирж олны анхаарлыг татлаа. Гэтэл гадныхан манайхныг хамгийн их дооглодог зүйл нь та нар ажил, сургуульдаа мориор явдаг уу гэх гайхашрал. Монголын талаар төдийлөн сайн ойлголтгүй гадаад хүн манайд ирэхдээ “Намайг онгоцоор нисээд очихоор та нар морьтой тосох уу” гэж асуудаг. Гурван жилийн өмнө Японоос ирэх жуулчин яг ингэж асууж байсныг тод санаж байна. Тэрээр Монголд очоод хаашаа л бол хаашаа морь унаж явна гээд ойлгочихсон байв.Тухайн үед намайг, Монголыг дооглоод байгаа мэт санагдаж билээ. Гэтэл гадныхны хувьд тэр нь тавлаж буй хэрэг огтоос биш юм. Яг л тийм орчин угтаж авна гэж бодсондоо чин үнэнээсээ ингэж асуудаг. Монголчуудыг арвангуравдугаар зууны үеэрээ байгаа, иргэншээгүй нүүдэлчид гэж төсөөлөх нь бий.

Дээрээс нь зориудаар Монгол Улсыг доош нь хийх далд бодлого ч байдаг байх. Гадныхны энэ үзлийг батлах гэсэн мэт УИХ-д сонгогдсон эрхэм түшээ морьтойгоо төрийн ордонд ирлээ. Үндсэрхэг, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэдэг гэхээсээ илүүтэй гадныхны монголчуудыг доош нь хийдэг үзлийг батлах гэсэн мэт харагдаж байлаа. Эрхэм гишүүн өөрийгөө үндсэрхэг үзэл, ёс заншилдаа үнэнч гэж бодож байгаа байх л даа. Гэвч үнэн хэрэг дээрээ дээр өгүүлсэн шиг харагдаж байсныг нуугаад яахав.

Тэгвэл Монгол гэж ямар улс орон бэ. Бид орчин үеийн, дэлхийн жишгээр хөгжиж буй улс. Монголчуудад гаж буруу зан заншил, зуршил байхгүй. Дэлхийн хүн төрөлхтөн юу хийж, хэрхэн аж төрж байгаа билээ. Бид тэдэнтэй л ижил. Дэлхий юуг жигшин зэвүүцэж, юугаар бахдан хөөрч байна, бид ч гэсэн ялгаагүй л байдаг. Түүнээс биш дэлхийн чихийг сортхийлгэсэн элдэв буруу асуудал манайханд байхгүй. Харин бидний нүүдэлчин, морио унадаг гэдэг бол үнэн. Гэхдээ Улаанбаатар хотод морь унаж ажил, сургуульдаа явж байгаа хүн байхгүй. Ахуйн хэрэглээндээ морь мал ашиглах явдал 1950-иад оноор дууссан байх. Ганц нэг морин тэргээр ачаа зөөж, айл нүүлгэдэг байсан бол “Портер” болон амьжиргаа цагаан зэрэг машин орж ирснээс хойш ор мөргүй алга болсон. Одоо бид дэлхийн хүн төрөлхтний хөгжлөөс юугаараа ч дутаагүй. Яахав, шинэ технологи хөгжин гарч ирлээ гэхэд бид хэдхэн сарын дараа л эх орондоо оруулаад ирдэг. Ийм л эрин зуунд монголчууд амьдарч байгаа. Цаашлаад мэдээллийн ямар ч шинэ технологиос хоцорсонгүй. Энэ жишгийг дагаад сошиал ертөнцийг маш сайн ашиглаж байна. Янз бүрийн мэдээллийн хэрэгслийг ашиглан өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа. Твиттер ертөнцөд дуу хоолойгоо хүргэж хувийн бодлоо илэрхийлдэг хүмүүсийг жиргээч гэдэг. Тэдэн дундаас Бат инженер гэж жиргээч “Жавхлан дээлээ тайлаад ном унш. Портууны орлогч стилээр төрд хол явахгүй. Явуулж байгаа юм биш. Улсын эрх ашиг, сөрөг хүчинд нэмэр бол” гэж бичсэн байна лээ.

Энэ үг их үнэн санагдаж байлаа. Суран ташуур, сайвар морь хоёр Монголыг хөгжүүлэхгүй. Заавал адуу мал гэхийнхээ оронд ардчиллыг улам бүр хөгжүүл, ардчилалд тус бол. Манай эх оронд ардчилал байгаа учраас тэрээр ард түмний дундаас сонгогдож УИХ-ын гишүүн болсон гэдгээ сайтар ойлгох хэрэгтэй. Ардчиллыг хөгжүүлнэ гэдэг бол Монголыг хөгжүүлж байна гэсэн үг. Түүнээс биш элдвийн илүү дутуу зүйлд сатаарах хэрэггүй. Хэн ч сонгогдож болдог иргэний сайхан нийгэм байгуулахад хүчээ зориулах ёстой.

Өнгөн талын хэлбэр хөөсөн зүйл одоо нэг их хэрэг болохгүй. Тэгвэл сайхан харагдана, ингэвэл муухай харагдана, намаа ингэж ч эвгүй харагдууллаа гэж ярих хүмүүс байх юм. Энэ бол угтаа үндсээрээ буруу зүйл шүү дээ. Харагдах байдал, утга учир нь зөв байх ёстой байдаг. Харин С.Жавхлангийн хувьд төрд үгээ зөв хүргэж чадвал монголчуудын жинхэнэ дуу хоолой болох боломжтой. Түүний хэлж, ярьж буйг нь анзаараад байхад эр хүнд байх ёстой тулхтай чанар, уужуу бодол харагддаг. Одоо харин өөрт буй чадвараа ашиглаад ардчиллыг хөгжүүлэхэд тус нэмэр болоорой. Ардчилал зөв утгаараа хөгжиж байж Монголын ард түмэн сайхан амьдарч чадна. Ардчиллыг хөгжүүлнэ гэдэг Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулж байна гэсэн үг. Хэрэв жинхэнэ утгаар нь хөгжүүлэхгүй, ардчилсан нийгмийг цогцлоож чадахгүйгээр нэг хүний атганд орчих юм бол бусдын идэш болоход тун ойрхон болно. Тиймээс эх орныхоо төлөө цохилох зүрхтэй С.Жавхлан нарын төрийн түшээд зөв зүйлийг, зөв хөгжлийг утга учраа болгомоор байгаа юм. Түүнээс биш дүр эсгэсэн нүсэр жүжиглэлт хэрэггүй. Морь унаж дээл өмссөнөөр монгол хүн гэх ойлголтыг хязгаарлаж болохгүй. Үүгээр үндсэрхэг үзлийг чөдөрлөх учиргүй. Өчигдөрхөн гэхэд л олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр “Наадмаар голын эрэг дээр амарчихаад буцахдаа хогоо түүгээд аваад явах нь жинхэнэ үндсэрхэг үзэл шүү” гэсэн мессэж хүчээ авсан. Үүнтэй санал нийлэх хэрэгтэй. Хий хоосон дүр эсгэж жүжиглэлтээ хэтрүүлээд байх юм бол УИХ-д шүлснээс өөр зүйлгүй популист л нэмэгдэнэ. Ард түмнээс хамгийн их санал авч сонгогдсон С.Жавхлан ийм байх хэрэггүй юм. Зогсоо зайгүй жүжиглээд, ард түмнээр өрөвдүүлэх гээд, гоё харагдах гэж худлаа дүр эсгээд байвал ард түмэнд туслах биш харин ч хорлосон болно шүү. Тэрнээс гадна элдвийн шуугиантай жүжиг Монгол Улсыг гол асуудлаас нь хөндийрүүлээд байдаг муу талтай. С.Жавхлангийн морийг муулж, ташуурыг нь шүүмжилсээр байтал цаагуур нь Монгол Улсад хорлонтой аливаа үйл явдлыг өрнүүлэхэд маш их дэм тус болдог. Ийм учраас бидэнд популистууд хэрэггүй гэж үздэг юм. Популистууд өнгөн талын шуугианыг дэвэргэдэг учраас монголчууд тэднийг үл тоож хэнд ч хэрэггүй гэж үздэг.Их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу гэх үгийг санаж элдэв зүйлд туйлшралгүй ард түмнийхээ элч болон ажиллаарай.