Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засагтөр ажилсаг болох нь сайны шинж биш


Нэг. Эгэл эдийнзасагч ба эгэл бус эдийн засаг

Уул нь, амьзуулгаа мэдэх гэдэгтэй агаар нэгэн боловч “Эдийнзасагч” гэж ихээхэн нарийн мэргэжил бий. Тэд л улс орны хөгжлийн учрыг мэдэж, жолоодож, хүн ардыг аварч байдаг. Яаж гэдгийг жирийн хүн ойлгох аргагүй. Ойлгох аргагүй учраас тэдний буруу зөвийг шүүх аргагүй. Тэд “Ер нь эдийн засаг ч цаанаа ихээхэн нарийн л даа…” гэж ирээд баахан тоо томъёо, гадаад голдуу нэр хэлээд толгой эргүүлчихнэ. Яг л зарим хувраг “…бурханы ном ч нарийн л даа” гэж ирээд ухахуйяа бэрх, “ухаарах гэж зовж байснаас олон таван үггүй шүтвэл барав” гэж бодогдмоор юм ярьдаг шиг.Тийм болохоор эгэл бид чинь эдийнзасагчдын хэлж байгааг нь ойлгохгүйгээс хойш хэлснийг нь дагасхийгээд л явахаас өөр замгүй. Одоо ч гэсэн манай  засагтөр  баахан ойлгомжгүй ярьж ярьчихаад “Ингээд харахаар эдийн засаг сайжирч байна” гэж мэтгээд байгаа биз дээ. Бид чинь цаад юмыг нь ойлгоогүй болохоор дүгнэлтийг нь үгүйсгэж дийлэхгүй. Дэмий л “Энэ эдийнзасаг ч мөн нарийн эд юмаа. Заримдаа сайжрах тусмаа хүндээр тусч, үе үе өсөлтөөрөө нидэрчих гээд хэцүү ажгуу”  хэмээн толгойгоо гашилган суухаас өөрцгүй болно.

Харин судлаач мэргэд “Эдийн засаг бол хүн бол­гоны төрөлх мэргэжил” гэж тайлбарлан хэлдэг. Амь, амьд­ралаа аваад явах тө­рөлх зөн, үйл ажиллагааны цогц л юм гэнэ. Хэрвээ чи эдийн засагч биш төрсөн бол аль эрт өлсгөлөнгөөр, эсвэл осгоод мажийсан байх учиртай. Өрх гэрээ аваад яваа бол, үр хүүхдээ тураалд оруулчихаагүй бол, ерөөсөө өнгөрсөн өвөл хувцас муутайгаасаа болоод осгоод мажийчихаагүй бол чи бо­ломжийн эдийн засагч гэсэн үг. Яалт ч үгүй нөлөөлдөг юм бий, улс орны эдийн засгаас эхлээд. Яг л дэлхийн дулаарал хүн төрөлхтний хөгжилд нөлөөлж, нарнаас үүдэлтэй соронзон шуурга ямар ч арчаатай хүний эрүүл мэндийг янз болгож дөнгөдөг шиг.

Улсын эдийн засаг бол өрхийн эдийн засгийн томсгосон хувилбар гэдэг. Ганцхан зүйлээр ялгаатай нь  мөнгө төгрөг үйлдвэрлэх. Хувь хүний хийсэн ямар ч сайхан төгрөгийг хууль бусад үзэн шийтгэнэ. Гэхдээ ор боломжгүй гэх ч хаашаа юм бэ?  Танайх, хүүхдүүдийнхээ сурлага хүмүүжил, аяга шаазан угаах байдал зэргийг үнэлэн богийн шагай тараагаад, цуглуулсан хэрээр нь хувцас, роликтой тэшүүр авч өгөх маягаар өрхийн хүрээний валюттай байж яагаад болохгүй гэж.

Харин эдийн засаг илүү өргөн хүрээтэй болж, улс орны хэмжээнд очихын хэрээр на­рийн томъёолол, нэршилтэй болно. Тэр нь л зөвхөн эдийн засагч болж мэргэшсэн этгээд л халтарлахаас өөрцгүй ха­рагдуулна. Танд зам зааж өгөхдөө “Тээр харагдаж байгаа даваанд хүрэх хоёр зам бий. Нэг нь  хойт овооны араар тойроод урагш даялан хүрнэ. Нөгөөх нь эгцээрээ очно.  Эгцээрээ очдог нь бартаатай боловч дөт, овоо ороодог нь цагаан боловч тойруу. Хүнд ачаатай машинтай хүн даялах нь зөв” гэхийн оронд “А цэгээс В цэг рүү шууд очихоос гадна С цэгээр дайран очиж болно. Тэгш өнцөгт гурвалжны катетуудын нийлбэр нь гепотенузаас урт гэдгийг сануулах юун. Механикийн алтан дүрэм мэддэг хүн бол… Хүч хожвол зам алдана, зам хожвол хүч алдана. Масс ихтэй тээврийн хэрэгслэл” гэхчлэнгээр яриад  “шинжлэх ухаанжуулаад” хаяж болно. Тэр мэт гэлцэнэ. 

Ерөөсөө ард түмэн нь “эдийн засаг” гэж тэнгэрийн юм байдаг гэсэн ойлголттой байх нь засагтөрд ашигтай. Бодит байдлыг янз бүрийн “тэнгэрийн” үл ойлгогдох юм­саар тайлбарлах байдлаар нийгмээ төөрөгдүүлж болно. Манай засагтөрийн зарим сайд энэхүү “тэнгэр”-ийн гэ­сэн томьёоллыг механик ут­гаар “тэнгэртэй шууд ярих” байдлаар ойлгож хэрэгжүүлдэг. Хачирхалтай нь, эдийн засаг бол эгэл хүний ойлголтоос нэгэнт хэдийдсэн гэж үздэг олон түмэн нь мөн л “тэгдэг л ёстой юм байлгүй” гэсэн хүлээн авч байгаа.

Хоёр. Доллар ерөөсөө өсөөгүй

Санаж байгаа болов уу, Оюутолгойн олборлолт зогсохтой зэрэгцээд архи тамхины хатуу чанд хууль яригдаж эхэлсэн. Долларын ханш 2000 шүргэх үес архи тамхины хуулийн улам чанга хувилбар яригдаж эхлэв.   Энэ завсар америк мөнгө 1500 орчим монгол төгрөгтэй тэнцэх цагаар “замын бууд­луудад стандарт тогтоон ат­тестатчилж, тэнцээгүйг нь хаах тухай сэдэв хөндөөд авсан.

Үнэ хэрэгтээ доллар өсөөд бай­гаа юм биш төгрөгийн ханш унаад байгаа юм. Ер нь бол доллар байрандаа л байгаа. Дэлхийн  арилжаа наймааны гол хэрэгслэл учраас төгрөг долларыг хамгийн түрүүн харьцуулдаг. Тэрнээс биш төгрөгийг евротой, вонтой, юаньтай, иентэй харьцуулаад харахад уналт мэдэгдэнэ. Үнэхээр л доллараас болж төгрөг унаад байгаа юм бол тооцоогоо еврогоор хийгээд үзээч.  Ерөөсөө гадаад валют монгол төгрөгийг хорлоод байна гэвэл “хонины мах”-ийг төлбөрийн нэгж болгоод хараач. Байрандаа байгаа юмыг унаж байгаа юмтай харьцуулахад өндөрсөж ха­рагддаг. Доллар өсч харагдаад байгаа нь тийм л учиртай.

(Дашрамд нэг юм зөв­лөчихөөд цаашаа явна аа. Юмны сайн талыг хармаар байвал харьцуулах юмаа өөрчил гэдэг юм. Намхан хүнийг ишигтэй, тарган хүнийг усны үхэртэй харьцуулахад  бас ч гэж өндөр, гоолиг болох нь мэдэгддэг. Түүн шиг төгрөгийг Зимбабвей доллартай харьцуулахад сэтгэл сэргэм тоо гарна. Бараг триллион нь нэг төгрөг болох байх. Яг ийм аргыг эдийн засагчид  хэрэглэх дуртай. Тэд “нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ” гонсоймоор харагдаад эхэлбэл “дотоодын нэг бүтээгдэхүүнд ногдох нийт хүн”-ээ тодорхойлох замаар сэтгэл сэргээсэн статистик гаргаад ирдэг юм)

Энэ бүхэн нь үлгэрлэвээс өвчилсөн хүний хажууд мөрөөрөө яваа хүн улам эрүүл мэт харагддагтай агаар нэг. Өөрийгөө өвчилснийг хүлээн зөвшөөрч эмчид очихын оронд хөршийнхөө эрүүлжээд байгааг шүүмжилж, тэр хэтэрхий эрүүлжсэнээс болоод өөрөө өвчтэй мэт харагдаад байгаа тухай ярихтай мөн л утга нэг нэг.    Хэрвээ “Би өвдсөн байна” гээд шинжилгээ өгөхийн оронд “Хамар хашааны Доржийн эрүүл мэнд хэрээс хэтэрлээ. Хөрш Доржийн галзуурсан эрүүл мэндийг зогсоох арга юу байна” гэж яриад явбал ямар байх вэ?

Үндэстэн бүрийн тайтгарах арга тусдаа.  Манайхан бусдыг буруутгаж байж санаа амардаг. Энэ бүхэн надаас болоогүй гэж бодохын хэрээр сэтгэл онгойж, тайтгардаг хэрэг. Буруу ч юм биш, сэтгэл зүйдээ хийж байгаа менежмэнт, тайвшрах бясалгал. Сэтгэл амрах түвшинд очоод л зогсож байвал болохгүй нь юусан билээ. Ихэнх тохиолдолд “тайтгарах бясалгал” маань хязгаараа давж, өөрийгөө буруугүйд тооцоод зогсохын оронд зөвтгөх томоохон ажиллагаа болоод явчихна.

Засаг төр нь  ч иргэнийхээ хардамтгай чанарыг сайхан ашиглана. Төгрөгийн ханш унаснаас болоод түүнтэй харьцах гадаад валют чангараад байгааг хэзээ ч хэлэхгүй. Харин ч амыг дагуулан “Чухмаа чухам, доллар өсөөд манай төгрөгийг ч ганц алж байна аа” хэмээн уухайлна. Ингээд бодохоор дараахь дүгнэлт гарч байна.  Америк доллар чангарснаас болоод төгрөгийн худалдан авах чадвар суларч байгаа аж. Төгрөгийн худалдан авах чадвар буурснаас болоод юмны үнэ өссөн хэрэг. Юмны үнэ өссөнөөс болоод бидний худалдан авах чадвар буурч байна. Худалдан авах чадвар буурахаар амьдрал доройтох нь аргагүй.  Эцсийн дүндээ бидний амьдрал Америкаас болоод доройтож эхэлжээ. Нэгэнт Америкийг дийлэхгүйгээс хойш эдийн засгийн уналтыг бид яаж ч чадахгүй юм байна. Ингээд харахаар Засгийн газарт ямар ч буруу алга. 

Үнэн хэрэгтээ өнөөгийн манай эдийн засаг элгээрээ хэвтсэн.  Эртүүд  харин хэн нь хэлчихвээ, төгрөгийн ханш унаж байгаа нь эдийн засгийн уналтын шалтгаан биш.  Харин эдийн засаг унасны шинж тэмдэг болох тухай. Үнэхээр сугандаа хийгээд гаргаад иртэл 39 градус зааж байгаа халууны шил чамд ханиад хүрсний буруутан биш. Харин чамд халуун ханиад хүрсний л шинж байдаг шиг. 

Хадлан өвсөө муу бэлд­сэнээс болоод Батын хонь арьс яс болтлоо тураад арай гэж онд орж. Харин мөнөөх Дорж намаржингаа найр хэсэхийн оронд хэдэн бухал өвс хадаж авсан тул сүрэг нь тарга тэвээрэг сайн орж.  Хоёул хаврын хахир цагаар хэдэн цаас олчих санаатай Шар хөвийн дөрөлжний тэнд хонио туугаад ирсэн байна. Хүмүүс Доржийн тарган хонийг аваад Батынхыг голов. Бат уурлан бухимдаж Доржийн тарган хонийг зүхнэ. “Доржийн хонины тарга хэтэрлээ” гэж хараах ба гачигдал дүүрэн гэрийнхнээ “Доржийн хонины таргыг хазаарлах цаг болсон”, “ноён Доржийг тарган хонийг номхоруулцгаая” гэхчлэнгийн уриа лоозонгоор цатгахыг оролдоно. Уул нь Батын хонь туранхай учраас л хүмүүс авахгүй байгаа билээ. Ма­найх­ны дуртай нэгэн дуунд “Би монголтойгоо адилхан” гэж гардаг. Монгол төр ч бас монголтойгоо адилхан билээ л. 

Гурав. Засагтөр ажилсаг харагдах нь сайны шинж биш

Засаг ямар нэгэн юм хийж байхгүй бол болдоггүй. Ард түмэн муу засагт бус зүгээр суудаг засагт дургүй. Үнэнийг хэлдэг засагт бус гоё юм ярьдаг засагт дуртай. Нэгэнт эдийн засаг гэдэг бол засагтөр л мэддэг, ойлгодог зүйл учраас амьдрал янз бүр болоод байгаад засаг төрөө буруутгах үндэслэл иргэнд тэр бүрий олдохгүй. Харин зурагтаар ямар нэг юм хийж харагдахгүй л бол уурлана. Юу хийх нь гол биш, хийж л харагдах учиртай.

Ийм учраас хямралын үеийн Засгийн газар хэтэрхий ажилсаг байдаг. Тэр тусмаа хүсэл  мөрөөдлийн шинжтэй. Монгол Улс хиймэл дагуултай болох тухай ч яригдаж мэднэ. Яригдахаар барагдахгүй хийгдэж ч болно. Иргэн хүн  амьдралынхаа доройтлыг хиймэл дагуул хөөргөх хэмжээнд очсон улс орныхоо хөгжилтэй жишиж хараад өөрийгөө л буруутгахаас аргагүйд хүрнэ.

Түүнчлэн, төр засгийн хийх ажлын дэс дараа алдагдана. Эрүүл ертөнцөд эхлээд хоол олж идэх, дараа нь цадталаа идэх, улмаар хоргүй хоол идэх, хойно нь эмтэй, эрүүл мэндэд ашигтай хооллох гэхч­лэнгээр явна. Хэрэв засагтөр олж идэх, цадталаа идэх хэ­мээх эхний алхмуудыг хийж хүчрэхгүйд хүрвэл шууд л “хортой хоолтой” хатуу тэмцэл явуул­на. Үлдсэн жаахан хоо­лыг вимаминжуулсан бай­хыг шийдвэртэй шаардаж эхэлнэ.

Засагтөр хүн ардаа эхлээд амьд байлгаж, улмаар өмсөх зүүхтэй явуулж, цаашлаад буруу зуршилгүй, эрүүл амьд­руулах нөхцөл рүү хөтөлнө. Хэрвээ нийтээр нь хоногийн хоолоор бүрэн, өмсөх хув­цас хангалттай байлгах алх­муудыг барахгүй бол тэдгээрийг алгасаад гурав ба дөрөв дэх алхам руу орж, амьдралын буруу зуршилтай тэмцэхдээ тулна. Архи там­хитай тэмцэхийг буруу гэж байгаа юм биш. Засагтөр цаашлаад гудамжинд нусаа нийх, гэр бүлийн ариун ёс журмыг эвдэх мэттэй өргөн фронтоор дайтна. Ойрноос манай засагтөр иргэн бү­рийн зөв бичгийн дүрмээр яриулж сургах кампанит ажил эхлүүлэв. Хямрахыг хямрав, зөв бичгийн дүрэмтэй хямарвал аштай юу даа.

Нэг талаас хэнд ч ийм тэмцлийг буруушаах арга байхгүй учраас засгийн ажил олны дэмжлэгийг хүлээнэ. Нөгөө талаасаа төр засаг ажил хийж харагдана.

Ер нь засаг төр“эх орноо хамгаалаад эдийн засаг руу анхаарах завгүй” байж болно. Амьжиргааны түвшинг сайжруулах тухай бодохоос өмнө “хятадын аюулаас хамгаалах нь чухал” болсон ч байх юм бил үү? Гоншигносон юмнууд гараад ирвэл “ Эх орны дайсан”, “хятадын тал” болгоод хаячих ч юу байхав. 

Нөгөө талаас засгийн хөтөлбөр улам бүр үндэстний мөрөөдлийн шинжтэй болно.  Эх орондоо машин угсрахаас эхлээд айфон утас хийх, өөрийн гэсэн тойрог замын станцтай болох, экологийн сүйрлээс дэлхийг аврах, чад­вал оддын дайнд орох гэхчлэнгийн тулгамдсан хэ­рэгцээ гэхийн аргагүй ч буруушаах боломжгүй санаа­гаар бялхана. Засагтөр ойрын үед урьд хожид байгаагүйгээр хөгжих юм яриад эхэлбэл өнөөдрийн хөгжил холдоод эхэлснийх гэх юм билээ. Хүний, өөрийн ямар ч засаг ингэдэг номтой гэдэг.  Ингэж ч явсаар ирж. Хүнд хэцүү үед итгэл найдвар л хүнийг авардаг юм хойно. Нэг ийм үг байдаг юм. “Бурхан минь танаас ухаалаг хүнийг ажилсаг болгоод аль гэж гуйхгүй ээ. Харин тэнэг улсыг залхуу болгох арга, тал юу байна”

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Чойжамц: Улс үндэстний ёс суртахууны ундарга нь шашин суртал байдаг


Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцтай ярилцлаа.

НЭГ. БУРХАНЫ ШАШИН БОЛ ЖАРГАЛЫН ТУХАЙ СУРГААЛ

-Яриа эхлэхийн өмнө нэг юм тохирох уу,

-За, юу юм бол доо?

-Та бид хоёрын яриа  хүүх­дийн хүмүүжлээс цөмийн зэвсэг, ариун цэв­рийн үзлэг, ер нь юу руу ч орсон ч бурханы шашинтай холбогдоно.

-За тэгж таарна.

-Тийм болохоор жирийн бид бүхэн цөмийн зэвсэг, ариун цэвэр мэтийг ярихдаа  хэрэглэдэг энгийн үг хэллэ­гээр хариулт өгөөрэй гэж танаас хүсэх байна.

-Тэгэлгүй яах вэ? Угаасаа бурханы шашин чинь олон түмэнд л зориулагдсан, жирийн хүнээс төгс гэгээрэгч, нүгэлтнээс буянтан болох зам мөрийн сургааль хөтөлбөрийн цогцлол шүү дээ.

-Бурханы сургааль юуны тухай өгүүлдэг талаар асуух нь ухаалаг биш гэдгийг ойл­гож байна. Мэдээж ни­гүүлсэнгүй сэтгэл, энэрлийн ту­хай сур­гааль гэж бид хар­даг. Гэхдээ л ингэж асуумаар санагдаад байна. 

-Ингэж асууж бололгүй яах вэ, асуух ч цаг мөн. Яагаад нигүүлсэх хэрэгтэй, энэрэх учиртай байгаагийн цаад учир шалтгаанаас яриагаа эхэлье л дээ. Ухаант хүмүүний амьдралын зорилго нь жар­галтай амьдрах явдал билээ. Харин жаргалтай амьд­рахын тулд жаргал гэж юу болохыг таньсан, түүндээ хүрэх зөв арга замыг олсон байх учиртай. Түүнчлэн жар­галаас хагацуулагч зовлон гэж юу болох, түүнээс зайлсхийх арга учрыг мэдэх хэрэгтэй болно. Энгийнээр хэлэхэд, хорвоогийн амьтны хүслэн болсон аз жаргал гэж юу бо­лохыг Таних, түүнд хүрэхийн тулд зовлонгоос гэтлэх, ул­маар төгс гэгээрэлд хүрэх зам мөрийн тухай сургаал гэж Бурханы шашныг ойлгож болно.

Чи жаргамаар байгаа юм чинь бусад ч бас тэгмээр байгаа. Та зовлонгоос сала­хыг эрмэлзэж байгаа шиг хорвоогийн олон амьтан гачаал бэрхшээлээсээ гармаар байгаа. Чи бие хэл сэтгэлээрээ төгөлдөршиж, хамаг бүгдийг нигүүлсэн хайрлахын хэрээр өөрөө бусдын хайр энэрэлд багтана.  Бурханы шашин  гэдэг бол зөвхөн зөвшөөрөөд, дагавал болчих үзэл суртал огт биш. Гэгээрэлд хүрэх замнал, хүний сэтгэлийг төгс төгөлдөр болгох тодорхой дэс дараа, шат эрэмбийг агуулсан хөтөлбөр юм.

-Загалмайн шашинтан хүнд библи хэмээх ариун судар буй. Түүнийг л уншаад шү­тээд явахад болдог. Ха­рин бурханы шашин болохоор боть ботиороо тавиур дүүрэн, сан дүүрэн судар байх юм. Буддист болохыг хүссэн энэ бүхнийг хараад шантармаар байх юм биш үү?


-Бурханы шашин товч­хондоо хүрвэл товч. Бурхан багш “итгэл бишрэл”,“үйлийн үр” гэдгийг зөвшөөрч байгаа бол бурхны шашинтан болох тухай сургадаг. Харин үйл гэж юу болохоос эхлээд үр нь яаж гардаг хүртэл, сэтгэлийн гэм нисванис хэмээгчээс эхлээд түүнийг яаж дарахыг ойлгуултал, зөв сэтгэл төлөв­шүүлэх арга барилаас  эхлээд гэгээрэлд дөтлөх хүрэх замын хөтөлбөрийг хүртэл олон аймаг савыг багтаасан мэдлэг дадлагын их ертөнцийг баг­таахад дэлхий дүүрэн ном бичсэн ч хүрэлцэхгүй шүү дээ.

Зовлон гэж юу болохыг таниад, түүний шалтгааныг  олоод, түүнээс гарах учиртайг ухаараад, гаргах арга замаар нь замнах ийм дөрвөн үнэний чанадад нэг номоор, нэг курс дамжаагаар хүрчих аргагүй. Мэдлэгт хүрэхэд хугацаа орно, мэд­лэг нь дадал болоход бас хугацаа орно. Ийм болохоор бур­ханы шашны номыг нялх багаасаа эхлээд насан турш үзэж судлаад ч дуусгаж, эц­сийн шатанд хүргэж бардаг­гүй. Энд хуврагийн замналаар явах тухай ярьж байгаа шүү дээ. 

Шинжлэх ухааныг бүгдийг нь ганц номонд багтаагаад бүрэн мэдээд авахаа байг гэхэд дунд сургуульд үзэж мэдвэл зохих зүйлийг ч нэг ботид чихэж ойлгуулах аргагүй.

Тийм болоод хүүхдүүд 10 гаруй жил дунд сургуульд сурч байж дундаж иргэний боловсролын дундаж шатыг дүүргэдэг биз дээ. Харин Бурханы шашныг ойлгох, судалж эхлэхэд дөхөм болох номууд “Бодь мөрийн зэрэг” , “Гэгээрлийн зам мөрийн тухай сургааль” зэргээс эхлээд бишгүй байдаг.

-Тэгвэл лам болж амьд­ралаа зориулаад ч чинадад нь хүрдэггүй номын үр шимийг гэр орноо тэжээх, үр хүүх­дээ өсгөхийн хажуугаар ухаарч ойлгох аргагүй юм биш үү?

-Юмыг ингэж харвал хув­рагууд л гэгээрээд бусад нь угаасаа зовох тавилантайгаар мунхагийн харанхуйд үлдэх учиртай гэсэн шиг төөрөгдөл болно. Хүн болгон жаргах хүсэлтэй бөгөөд жаргах эрх­тэй. Жаргахын тулд бие хэл сэтгэлээ ариусгаж буянтай сайн үйлийг бүтээх учиртай. Зөв сайн үйл буюу буян үйл­дэхийн хэрээр түүний сайн үр боловсорч, хүсээд байгаа аз жаргал чинь ирнэ. Тэгэхээр өнөө “Хүүхдийн хүмүүжил бүх нийтийн үйлс” гэлээ гэдэг шиг буддизм бол амьд бүгдийн үйл хэрэг. Тийм учраас бурханы шашинтнууд “Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд” хэмээн зорилгоо тодорхойлдог юм байна гэж ойлгож болно.

Харин тодорхой бүлэг хүн эх болсон зургаан зүйл хамаг амьтанд тусын тулд энэ насаа зориулахаар хувраг болдог. Бичиг үсэг сурах нь доктор болох хүнд ч хэрэгтэй, жолооч болох хүнд ч хэрэгтэй байдаг. Бурханы шашныг ингэж ойлгож болно.

-Бурханы шашин шүтэхэд баахан түвэг уддаг шашин юмуу гэсэн ойлголт байна. Үнэхээр ч  “Нөхөр Буддад илтгэх нь. Миний бие өнөөдрөөс эхлээд танай талд орлоо” гэхээр л болчихгүй. Чи эхлээд үйлийн үрийг ойлго, дараа сэтгэлээ номхотго…гэх мэтээр ахиад явчихдаг явдал бас байна аа.

-Дээр ярьсан. Үр яах гэж байна вэ, ургаж цэцэглэхийн тулд. Оюун ухаан яах гэж байна вэ, ухааран гэгээрэхийн тулд. Оюун ухаантай төрсөн атлаа төөрөгдлийн мананд явсаар үхвэл үр болж бүрэлд­сэн атлаа ургах цэцэглэхээ үзэлгүй шувуунд идүүлэхтэй адил юм. 

Юун өмнө Буддын шашин мэдлэгээр дамжсан итгэл үнэмшил дээр суурилсан ша­шин гэдгийг хэлмээр байна. Шүтлэгтэй байхад боловсрол мэдлэг чухал. Бурханы шашин мухар сүсэгтэй байхыг буруушаадаг. Бурханы номыг ухаарах, үнэнд хүрэх хамгийн сайн арга бол эргэлзээ гэж сургадаг. Нэг талд “Миний үгийг дагахгүй бол баларна” гэж номлож байхад “Миний сургаалийг эргэлзээгээр шалган бататгаж бай” гэх бурханы сургааль энэ талд байна. 

Яаж ч бодсон бурханы ариун сургаалыг бишрэн дагах нь буян мөн. Буян учраас сайн үр гарна. Гэвч Бурханы шашинтан байх нь түүнд хамаг юмаа даатгаад, өмгөөлөл хамгаалалд нь багтаад явахаас хамаагүй дээгүүр утгатай. Түүний сургаалийг ойлгож, явсан замнал, заасан замыг нь да­га­саар төгс гэгээрэлд хүрч орчлонгийн зовлонгоос ангижрах тухайд болж буй яриа юм. Баян хүн өөрийгөө дагасан, зарагдсан улсаа тэтгэн, амь зуулга залгуулах нэг утгатай. Харин өөрийг нь дагасан улсад аж төрөх ухаан зааж, өөр шиг нь дутагдах гачигдахын зовлонгүй болгоод байна гэвэл бас өөр. Баахан болхи жишээ л боллоо, гэхдээ иймэрхүү маягаар гэгээрлийн замыг бүдүүвчилж бас болно.

ХОЁР. “ДЭЭР”-ЭЭС ЗУРСАН ТАВИЛАН ГЭЖ БАЙДАГГҮЙ

-Хувь тавилан, заяа зураг гэдэг ойлголт тэгэхээр их сонин болоод ирж байна.

-Зовох жаргах нь чиний урьд өмнийн сайн ба муу үйлийн үр боловсорсны дүн гэж Бурханы  номд сургадаг. Тийм учраас дээрээс, ямар нэг дээд хүчнээс зурагдсан хувь тавилан гэж байхгүй.  Харин чи өөрөө хувь тави­лан­гийнхаа зохиогч, заяа  төөргийнхөө зураач нь юм. Ингээд үзэхээр хүний хувь тавиланд нөлөөлдөг, дээрээс чиглүүлдэг “бүтээгч эзэн” байхгүй болохыг бурханы сургааль хэлдэг. Чи жаргаж байгаа нь хэн нэгний шид нөлөө бус урьд өмнө хийсэн сайн үйлийн чинь үр. Иймд өөрөөрөө бахархахын сацуу сайн үйлд улам шамд. Зовж байгаа нь дээд хүчний шийт­гэл, хэн нэгний хорлол бус чиний үйлдсэн нүгэлт үйлийн үр боловсорсон хэрэг. Иймд бусдыг буруутгахын оронд үнэнийг ухааран сэхээрч, зовлонгоос салах, жаргал болж боловсрох сайн үйлийн үрийг соёолуулах учиртай.

-Ингээд бодохоор улс үндэстний хувь тавилан гэдэг нь иргэдийн үйлийн үрийн нийлбэр юм уу гэж бодогдож байна. 

-Тэгж үзэж болно. Наа­надаж л бурханы шашин­тай, түүнийг номлох лам хув­рагтай, буяныг цэцэг­лүүлэхийн тө­лөөх өглөгийн эзэнтэй газар төрөхүйц буян үйлдсэн бо­лоод л бид энд төрөл олсон хэрэг. Шашин номоо түймэрдэж, багш хуврагуудаа хөнөөсөн харанхуй үеийн ард гарч, шашин суртал сэргэсэн ардчилалтай золголоо. Эрх чөлөөнд хүрэх нь ховор сайхан боломж бөгөөд түүнийг хайрлаж, энхрийлэх учиртай гэж гэгээн мэргэд сургасан. Шива Лха гэгээн “Эрх чөлөө олдохын цагт түү­нийг энхрийлэн хамгаа­лаарай. Эрх чөлөөгөө хам­гаалж чадахгүй бол нүгэл хилэнц, зовлонд унана” гэж сурган айлдсан байдаг юм. Ардчилал, эрх чөлөөг тогтоож эдлэхийн тулд хичээх, зүтгэх учиртай. Өнөөгийн дэлхийд эрх чөлөөтэй байх боломж олдоод байхад түүнийг тогтоож чадахгүйн жишээ олон харагдаж байх юм. 

-Эрх чөлөөгөө яаж хам­гаалах вэ гэсэн асуултад хүн бүр л нэг хариу хэлэх байх. Харин бурханы шашны үүднээс харвал ямар санаа бууж байна.

 -Сэтгэлээ хянах нь эрх чөлөөгөө хамгаалах суурь болно. Сэтгэлд боловсорсон бүхэн хэл, биеэр дамжин хэрэгждэг. Жишээлэхэд, хүн сэтгэл санаа буруутаад эхлэхээр биеэ авч яваа байдал, харц нь нэг биш болоод ирнэ. Тэр хэрээрээ  бусдын хүндлэл хүлээх аргагүй, хүлээн зөв­шөөрөгдөхөд амаргүй нэгэн болж эхэлнэ. Цаашлаад дүр төрх нь нийтийн зэвүүцэл, дургүйцлийг төрүүлээд эхэл­дэг. Улмаар үг хэл буруутаад ирдэг. Хүнд “Чи яадаг хулгайч вэ” гэж хэлж байгаа хүний өөдөөс сайхан үг хэлэх арга­гүй. “Та сайхан зусч байна уу” гэсэн мэнд яавч гарахгүй. Харин уур цухал шингэсэн “Хуц, чамд ямар хамаатай юм бэ” гэхчлэнгийн үг л гарна. Ингээд хүмүүсийн сэтгэл харилцан самуурч хэрэлдээд ирэхээр амар тайван амьдрал алга болно. Амар тайван амьдралыг дагаад эрх чөлөө алга болно. Оронд нь бие, хэл, сэтгэлээрээ эвдрэн, догширсон ааштай хүмүүст л таарсан тийм орчин бүрэлдэнэ.

-Там, диваажин гэдэг ойлголт олон шашинд оршиж, суртал ухуулгынх нь гол хэрэгслэл болж ирсэн. Төр нь хууль зөрчвөл шоронд хийхээр далайлгаж, шашин нь нүгэл үйлдвэл тамд унахаар айлгадаг.

-Мөрөөрөө явсан хүнийг  эрлэгийн элч ирээд чирч аваачаад тамд хийчихдэг юм биш. Тамыг бид өөрснөө бүтээж, түүндээ унадаг. Заримдаа, нүдэн дээр, сайн сайхан элбэг хангалуун амьдарч байсан айл гэнэт өөрчлөгдөөд эхлэх нь байдаг даа. Эхлээд эцэг эхийнх нь зан авир сонин болно. Энэ нь сэтгэлд гарсан хувирлын үр шүү дээ. Гэрийн эзэн гэнэт архи уугаад эхэлдэг ч юмуу, эхнэр нь арай л биш болоод явчихна. Улмаар амьдралын хэмнэл өөрчлөгдөж мөнгө цаасаар гачигдана. Хүүхэд нь сургууль дээрээ юунаас юм болж гадуурхагдан тэнэмэл золбин болно. Улмаар тран­шейны зуугуулуудтай нийлнэ. Гэнэт гэрийн эзэн хүнд өвчинд нэрвэгдэж улмаар нийгмийн ёроолд хаягдана. Там гэж энэ л биз дээ.

Зөв сайхан үйлийн үрээр нүдэн дээр цэцэглээд амьдрал нь сайхан болоод хүссэн унаа тэргээ хөлөглөөд, үр хүүхэд сайн сайхан сургуульд ном үзэж, баяр дээр нь баяр нэмээд, дээр нь олны ам ч зөв гэж жигтэйхэн явж байгаа айл бас л бишгүй. Диваажин ингэж л сайн үйлийн үрээр бүрдэж байгаа юм биш үү?

-Бурханы шашны дайс­нууд гэж хэн бэ, тэднийг хэрхэн дарах вэ?

-Бурханы шашны дайсан бол нисванис. Эд бол ямар нэг улс үндэстэн, өөр шашинтны нэр биш. Харин хүний сэт­гэлийг хорлож байдаг, зовлонгийн шалтгаан болж өгдөг хүчин зүйлсүүдийн нэр. Сэтгэлдээ байгаа нисванисын хорлолыг дарж чадаагүйн гайгаар л буруу зам мөрт орж, алдаатай суртлыг да­ган, аврал гэгээрлийн за­маас төөрдөг. Дайсан гадаа биш дотор сэтгэлд бий гэж сургадгийн учир энэ. Бурханы сургааль зөвхөн өөрийгөө шүтсэн, дагасан улсыг аврахын тулд бус “эх болсон зургаан зүйл хамаг амьтан” хэмээх нэршилд багтаан амьд бүгдийг авран зөв зам мөрт хөдлөх нь бурхан шашны зорилго гэж үздэг. 

-Бурханы шашин болбоос амьдралын идэвх­гүй зарчим баримталдаг учраас хөгжлийн тушаа бол­дог. Харин өрнөдийн орнууд христосын шашинтай учраа хөгжсөн. Таны олонтаа сонссон байж болох мөрүүд байгаа биз?

-Тиймээ ингэж их суртал­чилдаг байсан. Энэ нь ХХ зууны гучаад онд шашин, бурханаа сүйтгэснээс хойшхи үед өрнөдөд боловсрол эзэмшсэн, христосын шашны эсрэг атеизм үзсэн, бурханы шашныг огт мэдэхгүй хүмүү­сийн гаргасан яриа, ойлголт. Удаах нь яалт ч үгүй өөрийн шашнаа сурталчилах ажлын хэсэг. Үнэн хэрэгтээ Христийн шашин л шинжлэх ухааны танин мэдэхүйтэй зөрчилдөж байснаас биш буддын шашин тэгээгүй. Буддын шашны судлагдахуун нь ертөнцийн үүсэл гарлын тухай сургааль хийгээд ерөөс байгалийн шинж­лэл биш. Бурханы ша­шин хүний сэтгэлийн тухай, зөв амьдралын тухай номлол сургаал. Тийм учраас дэлхий бөөрөнхий байх нь, нар явдаг­гүй дэлхий эргэдэг тогтоцтой нь, орчлонгийн гүнд хар нүхтэй эсэх нь Буддын сургаалийг хөндөхгүй, хор болохгүй, зөрчилдөхгүй. Харин ч 18 дугаар зууныг хүртэл харанхуй бүдүүлэг, ядуу зүдүү явсан Европт шинжлэх ухаан ялалт байгуулснаар хөгжил дэвшлийн үүд нээгдсэн юм шүү.

ГУРАВ. АЛИВ ҮНДЭСТНИЙ БУСДААС ЯЛГАРАХ НҮҮР ЦАРАЙ НЬ ШАШИН,  УЛАМЖЛАЛ НЬ БАЙДАГ

-Дэлхий даяараа ижил­сэж байгаа өнөө үед улс үндэстний ялгарах нүүр царай нь уламжлалт шүт­лэгээс үүдэлтэй үндэсний ёс заншил л боллоо, мөн үү?

-Бид наанадаж 300 жил, цаанадаж хоёр мянган жил бурханы шашинтай амьдар­сан. Монгол хүний ертөнцийг үзэх үзэл, зан заншил, ааш аягт Бурханы шашин нэвт шингээстэй байдаг. Хорвоод мэндлэх шинэ хүнийг угтахаас эхлээд айл гэр болж голомтоо бадраах хүртэл, өвөг дээдсээ үдэх, уламжлалт шинэ оноо ёслохоос өгсүүлээд найр наадам хийх дэг ёсыг оруулаад бурханы шашны бэлгэдэл, итгэл бишрэл шингээстэй.

Хүүхдийг эхийн хэвлийд олдохоос эхлэн хорвоод ирсэн насыг нь тоолж, одоогийнхоор бол сурлага, хүмүүжлийн ажлыг нь эхлүүлдэг. Хэвлийдээ үр тээж яваа эх нь муу юм бодохгүй, муухай үзэгдэл харахгүй, сэтгэл төвшин, баяр баясгалантай байж байгаад амаржих учиртай. Орчин тойр­ныхон нь ч гэсэн ийм үүрэг хариуцлагыг хуваалцана. Өнөө­гийн хөгжингүй орнууд саяхнаас үүнийг  ойлгож хэрэгжүүлэх болж. 

Төрсөн хүүхдийг угаах, нэр өгөх бүгд утга учир­тай. Нэр өгөхөд хэдэн зүй­лийг анхаардаг. Юуны өмнө эцгийн нэр, овогтой хоршихуйц дуудлага үетэй байх. Ухаандаа, Рад­наа­сүм­бэрэлийн Гончигдорж гэхэд маш нийцтэй хэлэгдэж байгаа биз. Түүнчлэн гарсан гариг өдөртэй уялдуулан нэрлэдэг. Өвчин ороодог, хүүхэд тогт­доггүй айлд мэндэлсэн бол тохиолдож болох аюул заналаас зайлхийсэн нэр өгөх нь бий.  

Хүүхдээ зөв хүмүүжүүлэх нь хүний үлдсэн амьдралын хэрэг. Өтлөх насны аз жар­галын утга нь үр хүүхэд сайн сайхан явахад байдаг. Иймд хүүхдээ зөв хүмүүжүүлэх нь маргаашийнхаа аз жаргалын үрийг тарьж байгаа хэрэг. Андашгүй дээ, сайхан дээл хувцас өмсөөд, инээд хөөр дүүрэн яваа ахмадуудтай уул­за­хад үр хүүхдээ сайн өсгөж хүмүүжүүлсэн, тэднийхээ сайн яваагаар бахархсан улс бай­даг. Гундуухан яваа, хүнтэй уулзахаас бэргэсэн хөгшчүүлийг асуухад хүү­хэд нь өрд нь орж байрыг за­раад үрчихсэн, архинд ороод хамаг юмаа зараад уучихсан, тэднийгээ олигтой хүмүүжүүлээгүйн горыг амссан хөөрхийс харагддаг. Хүүхдээ муу хүн болгоё гэж хэн бодох билээ, гагцхүү түүнд тавих анхаарлаа цалгардуулсан, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ дутуу ухамсарлаж зөнд нь орхисны л үр шүү дээ. 

-Нүүдэлчин айлын хө­вүүд охид гэрлэх уламжлалт ёсон тодорхой байдаг. Харин хот сууриныхан өрнөдийн ёсоор хуримлаж байна. Энэ шинэчлэл хувиралд буддистууд хэрхэн өөрийн онцлогоо хадгалан зохицох ёстой юм бол?

-Амьдрал бол үргэлж баяжин шинэчлэгдэж байдаг зүйл. Хорвоогийн агшин зуур хувиран өөрчлөгдөж байдаг тэр чанарыг л бурхан шашин голлон хэлж өгдөг юм. Уудам тавиу нутагтаа цөөхүүлээ, цаг зав ихтэй амьдран сууж байхад хэвшин тогтсон зарим ёс зан үйл  хотшин суурьшсан өнөөгийн амьдрал шинэчлэл нэхэх нь зүй тогтолтой зүйл.  Жишээлэхэд, цай сүүнийхээ дээжийг тэнгэр хангайдаа өргөх нь өвөг дээдсийн ариун ёс мөн. Гэхдээ орон сууцныхаа цонхоор шанага шанагаар өргөл цацал үйлдэх нь гудамж талбай бохирлохоос эхлээд хүний толгой руу юм асгах, машин тэргийг нь муухай болгох сөрөг үр дагавартай. Хичнээн сайхан үйл гэж бодож хийлээ ч бусдыг уурлуулж, хүнийг хохироож үйлдвэл юуны буян байх билээ.

Жишээлэхэд, манайх дээжүүдээ жижигхэн данханд хурааж байдаг сүүлхэнд нь гадаа, хээр өргөдөг юм. Гол нь хоол цайныхаа дээжийг тэнгэр хангай байгаль дэлхийдээ өргөх сэтгэл байгаа болохоор болоод явчихна.

Манай хийдэд хуримын ёслол хийсэн хосууд ирж ёсолдог сайхан заншил бий болоод байна. Энэ нь өвөг дээдсийн шүтээн, зан заншилд хүндэтгэл илэрхийлж байгаа сайхан хэрэг. Дэмжин зохион байгуулах учиртай гэж үзэж байгаа. Хуримыг бид эхлээд Жанрайсиг дуганд ёслуулж үзсэн. Зун болоод байвч хүйтний улиралд халаалгагүй учраас бэрх юм билээ. Одоо тэргүүн хамбын өрөөнд хийж байгаа. Өрөөний хэм­жээнд захирагдаад хүргэн, бэрийн талын голлох цөөн хэдэн зочныг оруулдаг. Тэд­ний өөрсдөө сонгож авсан, эсвэл бидний зүгээс гэрлэгсдийн жил, гаригийг шинжин санал болгосон гэр бүлийн шүтээн бурханыг аравнайлан гардуулдаг. Мөн эхнэр нөхөр, улмаар эцэг эх, эмээ өвөө болох ариун барилдлагын учир, үүрэг хариуцлагыг сурган хэлж, ерөөл бэлгэдлийн шинжтэй ёслол үйлддэг болсон. Энэ улам өргөжих байх.

-Хурим хийхэд тохи­ромж­той өдөр ховор бол­той. Зарим ховор сайн өдрөөр Хуримын ордонд 24 цагийн турш ёслол болох нь бий юм гэсэн.

-Өдөр судрын хувьд бол цөөхөн хэдэн өдөр манайхны ой санамжид үлдсэнтэй  холбоотой. Шашин бурхан хориотой, өдөр судар харуулбал үзсэн үзүүлсэн хоёр хэрэгт ордог хатуу бэрх үед хүмүүс нийтээрээ мэддэг хэдхэн “хурим хийхэд сайн” өдөр байсны нэг нь намрын дунд сарын 17 юм. Тэрнээс биш сайн өдөр олон, аргагүйдсэн үед хийх засал нь буй. Гагцхүү манай зурхайчид хамтарч нэгдсэн ойлголтод хүрэх замаар шийдэх асуудал олон байгаагийн нэг нь. 

Өвөг дээдсээ нутаглуулах­даа булшлах, хайлуулах, агаарт хайлуулан өргөх ёсууд уламжилж ирсний дотроос ил тавихыг шүүмжлэх нь их болж. Уул нь амьдралынхаа сүүлчийн мөчид газар дэлхийг ухаж төнхөхгүй байх хүсэл, бие махбодио араатанд хаяж өлийг дарснаар юун түрүүн амьтан цатгах, улмаар түүнд идүүлэх ээлжтэй байсан нэг амьтныг аварч буян үйлдэх утгатай эд л дээ. Өнөөдөр шүүмжлэл нэлээн дагуулж байгаа. Гэхдээ зарим хөгшчүүл өөрснөө ингэж нутаглуулахыг гэрээслэдэг учраас амаргүй байдаг юм билээ.

-Монгол хүний баатарлаг дайчин чанарыг сэргээх цаг боллоо гэж уриалах боллоо. Номой дорой бол­госны буруутан нь… гээд орхихоор та тэртэй тэргүй гүйцээн ойлгоно. Би ч “амаар үйлдэх” нүглээс зайлах ач холбогдолтой юм.

-Тиймээ, социализмын үед буддын шашныхаа мөн чанарыг ойлгоогүй хүмүү­сийн гаргасан суртал нэвт­рүүлгийн үг ярианы хэсэг байна. Гол хариулт нь бид­ний өмнөх ярианд гарсан. Харин орхигдсон санааг үр­гэлжлүүлэн ярихад, амьд­рал үргэлж сайжирч, хорвоогийн олон амьтан орчлонгийн хүрдээс аврагдах, гэгээрэх боломж руу улам бүр дөтөлсөөр байгаа цаг юм, өнөөдөр. Ямар ч үндэстэн түүх судраараа бахархалгүй л яахав. Гэхдээ дайнч түрэмгий явсан үеэ ид бах болгож, тийм араншингаа  сэргээх юм ярьж байх юм. Гэтэл цагийн юм цагтаа л байдаг. Олон зууны тэртээд цэрэг зэвсгээр гайхуулж явахад тийм араншин зохидог байсан биз, харин өнөөдөр үгүй. Хоёр хэт их гүрний дунд хоёр сая гаруйхан тоотой монголчууд догшин түрэмгий байгаад амьтны дургүй хүргэхээс өөр юунд хүрэх вэ. Харин амьтны эвийг олж, бодолтой амьдарч байж ардчилал, тусгаар тогтнолоо үргэлжлүүлэн хамгаалах цаг. Зөөлөн нь хатуугаа идэж, ус чулуугаа элээдэг гэж өвөг дээдэс сургасан.  Нэг сагсуу бодлогогүй хүний хийсэн үйлдлийн балгаар мөрөөрөө яваа өч төчнөөн гэмгүй монгол хүн хохирч үлддэг нь бишгүй. Эх оронч үзэл гэдэг бол хаана ч явсан үндэстнийхээ нэр төрийг бодож, миний хийсэн бодлогогүй явдлын балгаар миний араас яваа монгол ах дүү минь хэлмэгдэн хохирох вий гэж сэрэмжлэн явахын нэр юм байгаа биз дээ. Ардчиллын зарчимд “Нэг хүний эрх чөлөө бусдын эрх  чөлөөгөөр хязгаарлагдана” гэж сургадаг даа.  

-Монголыг монгол бол­гож харуулдаг бас нэг зүйл наадам, цагаан сар хоёр байна. Даяаршиж ижилссэн энэ цаг үед биднийг “Энэ бол монголчууд” гэж  ялга­руул­даг. Наадмын өдөр цөмөөрөө монгол дээлээ өмсөөд, наадмын хуушуураа идэх үнэхээр сайхан.

-Тиймээ, цагаан сар, наа­дам хоёр монгол хүнийг монгол харагдуулдаг. Хуучин оны сүүлийн өдрүүд их учиртай. Өвлийн адаг сарын 29-н гэхэд өр ширээ барагдуулж, үнс тоосноосоо салж, харин битүүнд ам зөрсөн улстайгаа хөөрөг зөрүүлэн цайруулж, эв найраа сэргээдэг. Бид “талархлын өдөр” гэж гадаа­дынхныг дуурайн тэмдэглэж байна. Муухай гэх гэсэн биш. Харин өвлийн адаг сарын битүүнийг “бие биенээ ууч­лах”, “гэмээ цайруулах” үндэс­ний өдөр болгож яагаад болохгүй гэж. Ийм өдөртэй байх нь гэмээ цайруулах, нэгийгээ уучлах гээд завдаж чадахгүй яваа улсад сайхан боломж шалтаг болж өгнө.  Ингэснээрээ хуучин жилийн сайн, муу бүхнийг хуучин онд нь үлдээж байгаа хэрэг. Тэгээд шинийн нэгэнд аж төрлөө цоо шинээр, улам сайхнаар эхэлнэ.  Мөрөө шинээр гаргаж байгаа нь ийм учиртай, гэм алдаа, элдэв бүхнээ хуучин ондоо үлдээгээд амьдралаа шинээр эхлэн анхны ариун мөрөө гаргах бэлгэдэл шүү дээ.

-Тасарсан бүхэн эргэн залгалдахад гардаг завсар зааг, уяа холбооны зөрүүг бид 1990 оноос хойш хан­галт­тай амслаа. Энэ үе бол тасарсан шүтлэг, тасалдсан зах зээл, тасалдаж орхисон зүй ёсны хөгжлийн замтай­гаа эргэн залгагдах үе байсан.

-Бид урагшилж байна. Шашин номоос нь салгаад хаячихсан ард түмэн яаж төөрөх, будилах ёстой вэ, бид түүнийг л дайрч байна. Өнөөгийн лам хувраг, сүм хийдийг хориод жилийн өмнөхтэй зүйрлэшгүй болсон. Сүсэгтнүүд ч мөн адил. Гадаад хэ­лээр болоод төрөлхи хэлээр гарч байгаа бурханы ном сургаалийг уншиж судал­сан сүсэгтнүүдтэй харь­цаж байгаа манай лам хуврагуудын шашны болоод иргэний боловсрол ч хамаагүй ахисан.

Хүн ард ч өөр болсон. Бид ерээд онд хогоо үүдэндээ асгаад, гэр доторхио гоёж эхэлсэн. Гоё тавилгатай гэрээ­сээ гарах, орохдоо хогон дундуур явдаг байсан. Түүнийгээ анзаарч ухаараад орцоо цэвэрлээд жижүүртэй болоод эхэлсэн. Одоо үүд орчноо хамтаараа тохижуулж, хот маань өнгө зүсээ улам л засаж байна. Бусдын юмыг хайрлаж байж өөрийн юм сайхан болно гэдгийг бид ухаараад явж байна. 

Жолооч нар бие биедээ ямар найрсаг болж, яарсан нэгэндээ зам тавьж, урдуураа оруулаад өгдөг болж эхэлсэн нь юутай сайхан. Манайхны зарим нь урдуур нь машин орохоор бөөн уур болоод түрүүнд нь гарч байгаад тоормосоглох зэргээр аягла­даг нь үнэхээр муухай. Ямар ч учир шалтгаантай яарч явж байж болно оо доо. Зайлуул, эмнэлэгт хэн нэгэн бие нь муудаад эмч нь “Уулзах учиртай хүн байвал одоо дууд” гэснийг дуулаад хагас ухаантай амьтан яарч явж болно. Зовлон хэнийг ч тойрохгүй шүү дээ.

-Шашны хэрэгт төр орол­цохоо больсонд таа­гүй байдаг гэж дуулаад их гайхсан. Ямар учиртай юм бол?

-Шашныг хянаж цагдаж байсан үеийг мөрөөссөн юм бол биш. Ер нь үндэснийхээ шашин мөргөлийг тэтгэх үүднээс төрийн халамж чухал болохыг хэлсэн юм. Энэ нь дотор нь ороод сүм хийдийн хэргийг хөтлөхдөө биш.

Сүм хийд оршин тогтноход хөрөнгө хэрэгтэй. Өглөг харамжаас бүрдэж буй сан нь сүм дуганаа өөд татахад , зан үйлийн хэрэгцээг хангахад хүрэлцэж байна уу, үгүй юу гэдгийг харах ёстой. Ингэж чадаагүй сүм хийд харамжаа нэмнэ. Харамж нэмэгдээд сүсэгтний боломжоос давбал тэд сүм хийдээс зайгаа бари­на. Эцсийн дүндээ шашин сүм хийд хүний сэтгэлийг зөөлрүүлж ариусгах үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ. Тэр хэрээр үндэстний сэтгэл эвдэрч хямарна. Тэгэхээр шашны оршин тогтнол нь яах аргагүй төрийн хэрэг. Тийм учраас Германд гэхэд 10 хувийн татвар авч түүнээ сүм хийдэд зориулдаг байх жишээний. Өнөөдөр хот, ялангуяа нийслэлд байгаа сүм хийд оршин тогтнох хэмжээний өргөл, хандивтай байгаа. Харин хөдөө нутгийн сүм хийдүүд цагаан сараар цуглардаг жаахан харамжаас өөр юмгүй. Тэд хамбын цалин дөчөөд мянга, ламынх хорь гучин мянга орчим гэж надад хэлдэг.

-Та Монгол Улсын ардчил­сан шинэ Үндсэн хуулийг баталсан депутатуудын нэг. Хуулийг баталж дуу­сах ёслолын үеэр яг юу бодогдов?

-Лам хуврагууд ХХ зууны эхний хоёр хувьсгалд оройлж, хамтарч орж тусгаар тогтнолоо сэргээлцсэн. Харин Монголд тогтсон улаан засаг тэднийг хамгийн түрүүн цаазалж, хэлмэгдүүлэн, улс төрийн эрх чөлөөг нь хассан. Харин шинэ Үндсэн хуулийг батлалцаад  гарахад юуны өмнө  Монголын лам хуврагууд 1937 онд эрх чөлөөгөө хасуулнаар эхэлсэн харанхуй үе өнгөрснийг мэдэрсэн. Лам хувраг хүн ард түмнийхээ төлөө үг хэлж,  улс орныхоо хэрэгт оролцож болдог үе эхэлснийг харж бахадсан даа.

Ярилцсан Б.ЦЭНДДОО

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Монголчууд аливаад үнэнч хандана гэдгийг мэддэг болов уу?

Аливаад чин үнэнчээр хандаж, өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг гаргана
гэдэг “уул шугамандаа” бол сайнсан. Гэвч манайхан хэзээд ч чин сэтгэлээ бусдад үзүүлж,
хэн нэгэнд мэдрүүлдэггүй. Дандаа л худал хуурамч сэтгэлээ олны өмнө дэлгэж, нэг
л их өө сэвгүй цэвэр цэмцгэр хүн болж хувирах нь бий.

Үнэн чанартаа чин сэтгэл гэдэг юугаар ч үнэлшгүй эрдэнэ байдаг. Ингэхэд
“юугаар ч үнэлшгүй” гэдэг үг бас буруу юм. Хэн нэгэн найрагчийн ухаандаа,билэг туурвилын
төлөө шаналж явдаг миний бүтээл туурвилыг алт, эрдэнэстэй зүйрлэвэл би лав дургүйцнэ.
Ядмаг амьтан даа гэж байгаа ч юм шиг юм нэг л ёозгүй санагдана биз дээ.

Саяхан даа, зохиолчдын гар бичмэлийг хавсаргасан “Монгол найргийн
сувдан шастир” гэсэн ном гарсан. Уг номонд энэ цагийн бүхий л нэртэй зохиолчид шүлэг
найргаа гараар бичиж оруулсан байна лээ. Харин Д.Урианхай зохиолч л гар бичмэлийн
анхны хувилбар гэдгийг нь үнэнчээр гаргасан байгаа юм.

“…Аялгуу сайхан монгол хэлээр хүмүүс ярьж л байвал би амьд явна

Тэр хэлэнд би хачин их хайртай

Ариун нь мөнх Монголоор дэлхий дутаж л байвал би амьд явна

Тэр оронд би хачин их хайртай

Хайраар би амьдардаг аа” гэх “Мөнхийн шалтгаан” шүлгийнхээ эх нооргийг,
балласан, зассан, шинээр сэргээсэн бүгдтэй нь номонд хэвлүүлжээ. Бусад нөхөд маань
шүлгийнхээ эх нооргийг бус зүгээр л шүлгээ хуулаад, гараараа бичээд л өгсөн байна.
Үүнээс нэг зүйл нэвт шувт уншигдсан хэрэг л дээ. Манайхан аль ч салбартаа үнэнч
байна гэдэг худлаа болжээ. Бүгд л хуурамч, нэг л цэмцгэр гялтганаж, гялалзсан гоё
ганган хээнцэр хүмүүс. Уран бүтээлчдийн гараар бэлдээд өгсөн бүтээлээс Д.Урианхайн
баллаж цохлосон эх ноорог ямар үнэн, ямар гоё, ямар хайр хүрмээр харагдсан гэж санана.

Н.ГАНТУЛГА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тэрийгээ аваад ир гэх дайсны талаас тэрийг нь аваад очдог манай тал муухай

Өглөөгүүр, мэдээ цуурхал хоёрын дундуур “Эрдэнэзуу хийд-музей­гээс алдагдсан бурхдын цаана хятадууд байгаа гэнэ” гэсэн мөрүүд дуул¬дав. Ухаандаа,  манайхан шуна¬хайдаа бурхнаа хулгайлаагүй, зүгээр ямар нэг дайсан этгээд “аваад иртүгэй” гэхээр нь хүргэж өгсөн болж таарч байна. Заримын маань дотор онгойж “Тэгнэ ээ тэр, хужаа нар л тэгнэ” гэлцэв. Алдагдсан бурхан олдсонд гэхээсээ илүү, цаана нь хужаа нар байсан гэх сэжимд сэтгэл онгойж байх аж.

Тиймээ,  монгол хүн бол ариун явдалтан, хужаа нар л хулгайлаад ир гэхгүй бол юм хумс¬лахгүй шударга гарууд. Говь нутгийн эрдэнийн шигтгээ  болсон чамин чулуудыг бас л хужаа нар “аваад ир” гэж шуу­дай­гаар нь зөөлгөөд бай­гаа юм байна. Тэр жил хятадууд тэмээний тавхай худалдаж аваад, манайхан тэмээгээ алж зөөгөөд баллаж хаясан. Мэдээж хужаа нар тэмээ-ний тавхай худал­даж аваа¬гүй бол бид юу бол­лоо гэж айлынхаа тэмээг бэлчээрт нь нядлах билээ?

Сүсэгтнүүд тохиолд­сон гай зовлонгийн шалт¬гааныг “үйлийн үр л ийм байж” хэмээн тайтгардаг. Харин бид үйлдсэн гэмт хэргээ “хужаа нар л ингүүллээ” гэж биеэ өмөөрдөг. Сүсэгтнүүд үйлийн үрийн шалтгааныг өөрийн үйлдсэнтэй хол­бон ухаарч, өөрөө л үүрэх нигууртай, хэн­тэй ч хуваалцашгүй хариуц¬лага хэмээн боддог. Ха­рин бид болохоор “хужаа нар” гэж мэтгэхийн хэрээр буруугаа бусдад нялзааж, дараа дараагийн “муу­сайн хужаа нараас үүдэл­тэй” гэмт явдалд бие, сэтгэлээ бэлддэг.

Социалист дэглэмийн үеийн суртлаар бол  уг тогтоц ямар ч өө сэвгүй, хүний нийгмийн хайлан болсон систем аж. Харин учирч байгаа бэрхшээл, гай зовлон бол дайсны явуулга, хөрөнгөтний тагнуулын хорлон сүйтгэх ажиллагаа гэж үздэг байсан. Түймрийн галаас эхлээд төлийн хорогдол хүртэл Америкийн импе¬риа­лизмын балаг, гайгаас үүдэлтэйд тооцогддог нийгэмд бид дасан амьдарч ирсэн. 

Эргэн тойрноосоо өнгөлзөгч хүчирхэг гүр­нүү¬дээр хүрээлэгд¬сэнээс болдог уу, чоно нохой, байгалийн гамшиг мэтийн бол­зошгүй халдлага аюул дор мөнхөд явдгаас ч үүдсэн үү, нүүдэлч мон­голчууд төрөлхийн айхавтар хартай, сэжигч зантай. Үүнд нь дээрх үзэл суртал углуургаараа таарах мэт зохиж. Таарч тохирч явсаар бидний төрөлх зан араншингийн маань салшгүй хэсэг болон ээнэгшсэн болол­той.

Нэгэнт л үе дамжсан араншин, хар, сэжиг нь байгаа цагт түүнийг орлуулах юм үргэлж олд­дог болтой юм.  Тийм болоод л ураны хайгуулаас (Зөвлөлтийн үед Мардайгаас олбор­лож байсан уран малд ээлтэй байсныг бодоход бидний хардалт айдас хоёрын дунд ямар нэг уялдаа байна) болж үнээ хээл хаяж, хужаа нараас болоод “тэр тэгж”, “энэ ингэж” байгаад эргэлзэх юм алга. Ер нь бол өнөөдөр “надаас болоод”, “миний буруугаас ингэчихлээ” гэвэл үнэмших амьтан олдохгүй  янзтай. Харин ч буруугаа хүлээж байгааг нь сайшаахын оронд “энэ золиг цаанаа байгаа хужаа нарыг хайцаалж байна”, “монгол хүн яалаа гэж өөрөө ингэх вэ, энэ өөрөө хужаа байх” гэж хардах шинжтэй.

Логикоор нь хөөж үзэхэд нэг дүгнэлт гарч байна. Бидний дунд байгаа муу муухай бүхний ард хужаа нар байдаг юм байна. Харин тэд “Хэрвээ бид худалдаж авбал монголчууд юугаа бариад ирнэ” гэдэгт итгэ¬дэг. Нутгийнхаа чулууг “түүгээд ир” гэхэд түүгээд л ирж байна. Одоо чулуу­гаа түүгээд ирж байгаа юм чинь дараа нь “газраа тасдаад ир” гэвэл тасдаад ирнэ. “Бурханаа хулгайлаад ир гэхээр хулгайлаад ирж л байгаа юм чинь, “эхийгээ аваад ир” гэвэл гэзэгнээс нь чирээд л ирнэ.

Хүний юуг л бол юуг авчих санаатан муу­хай. Харин юугаа ч “аваад ир” гэсэн түүнийг нь бариад дэгдээд очдог нэгэн түүнээс жиг­шүүр­тэй. (“Муухай” байх “жиг­шүүртэй” байх хоёрын аль муугийн доогуур зурах) Хэрвээ “аваад ир, аваад ир” гэх нь дайсны шинж юм бол “аваад очъё, аваад очъё” гэх нь нөхөр-эх орончийн шинж мөн үү?

Муусайн хужаа нар “аваад ир, мөнгийг нь өгье”(үнэхээр л тэгдэг юм бол) гэж л байна биз. Харин бид аваачиж өгөхгүй бол болоо юм биш үү?  Бидний судсаар жирийн цус биш Чингис хааны цус гүйдэг гэдэг биз дээ. Жирийн цустай хүн мөнгө хараад тэсвэрээ алддаг байж болно. Жирийн бус цустай хүн тэсдэг юм байгаа биз дээ? Манайхан зүгээр нэг хонгогүй, хөх толботой хонготой төрдөг биз дээ. Жирийн хонготой хүн мөнгөнд унаж үхдэг л юм байгаа биз, жир бусын хонготой хүн унахгүй байж болно биз дээ. 

Тэгэхээр хамаг буруу нь авах гээд байгаа этгээдэд байна уу, авах гэсэн болгоныг аваачиж өгөөд байгаа нөхөрт байна уу?  Эндээс яаж гарах вэ? Хужаа нарыг юу ч авдаггүй болгох уу? Өөрснөө хүний аваад ир гэсэн болгоныг бариад очдогоо болих уу? Хүнийг сайн болгох гэж зүдэрснээс (цаад хүн нь өөрийгөө сайн болгохыг зөвшөөрөө ч билүү, үгүй ч билүү) өөрийгөө янзлах гээд үзвэл яах бол?

Чиний юманд шуна¬сан хүн хорвоогоор  дүүрэн. Тэднийг устгаж барахгүй. Нэгийг нь энд дарж байхад  тэнд нөгөөх нь төрж байдаг. Энэ нь тэднээс салах аргагүй гэсэн үг биш. Ердөө л  тэдний хүссэнийг аваа¬чиж өгөхгүй болчихвол асуудал шийдэгдэнэ. На­рийн яривал чи аваачиж өгдөг учраас л чиний юмыг авдаг этгээдүүд оршин тогтноод бай­гаа гэдэг. Богд Зонхов бээр хорвоогийн өргөсийг  байх¬гүй болгох аргыг сур­гасан байдгийг бид мэднэ. Мэдээж ертөн­цийн өргөсийг түүж барах­гүй, түүсэн ч эргээд ургана.  Харин өргөс нэвтрэхгүй гутал өмссөн хүн  өргөсгүй хорвоод амьдрах болно гэж.

Бид  бусдаас давуутай байх ганц шалтгаанаа түүхээсээ хайдаг. Үнэхээр ч олон зууны тэртээд үлдсэн түүх минь хавь ойрынхноосоо хавигүй илүү явсныг хэлээд өгдөг. Гэхдээ л түүх бол түүх. Түүх гэдэг бол үнэндээ болоод өнгөрсөн юмны тухай дурсамж. Ирээдүй гэдэг бол бий болох учир¬тай юмны тухай яриа. Тийм болоод л “та хэдэн настай вэ” гэсэн асуултын хариуд залуу хүн бага тоо хэлж, хөгшин хүн их тоо ярьдаг. 

Гайхалтай түүхтэй бас гайхалтай ирээдүйтэй байх нь үнэхээр гайхал¬тай учрал авай. Гэвч юм бүхэн ээлжтэй хор­воод ирээдүй багатай ард түмнээс илүү түүх багатай ард түмэн нь хувьтай гэгддэг ажгуу.  Тийм болоод сайн аавын тааруу хүүгээс илүү, тааруу аавын сайн хүү жаргалтай гэлцдэг бөлгөө. Үнэн хэрэгтээ өдгөө дэлхийд ноёлон буй сүүн тэжээлтэнтэй харьцуулшгүй яруу түүх аль цагийн мөхсөн динозавруудад байдаг. 

Бид арагшаа бага хବрахын хэрээр урагшаа илүү харна. Ер нь  бодвоос, байнга эргэж хараастай яваа хүн урагшаа тун бага ахихаас гадна, замын гуу нүхийг харахгүй унах магадлал өндөр.  Бидэнд өнгөрсөн түүхээс хол давсан ирээдүй байгааг харах ёстой. Ерөөсөө ч хүсэл мөрөөдөл, итгэл найдвар гэдэг бол ирээ¬дүйг бий болгож байдаг уриа дуудлага, хөтөч юм. Дэлхий хувьсч байна. Олон хүнтэй улс хүчирхэг байсан. Том нутагтай улс лут байсан. Ихээхэн  цэрэгтэй гүрэн ялдаг бай­сан. Улсын эрэмбэ томоос жижиг рүүгээ урууд­даг байсан. Энэ бүгд цөм “байсан”-гууд болохоос “байх”-ууд биш.  Харин цөөн хүнтэй гүрэн том байх, жижиг улс илүү хүчирхэг байх, цэрэг цөөн­тэй нь ялдаг байх, буу­гүй танкгүй харин тех­но¬логитой нь дийлдэг байх, бяртайгаасаа ухаан­тай нь эзэрхэх ээлж ирж байгаа. “Байсан”-гуудаас илүү “байх”-ууд бидэнд бий.

Тэмдэглэхэд, бидний нэг хэсэг нь ийм муухай болчихоод үлдсэн сайх¬нууд нь аргаа бараад байгаа ч юм биш. Ийм  шинж, тийм суртал их бага хэмжээгээр бүгдэд шингээстэй. Чамд ч бай­гаа, надад ч байгаа.Байх­гүй гэж бодогдохын чинь хэрээр байгаа.  Бид таварцаглаж унахдаа хүр­тэл “яагаад унав” гэж бодохоосоо өмнө “хэнээс болж унав” гэж боддог. Тэгээд замаа “сайн харж явах минь яалаа” гэсэн дүгнэлт хийхээсээ урьтаж “муу­сайн авлигачид  газ­рын луйвар хийх гэж зөв­шөөрөлгүй барилгын суурь ухсан” гэж уурладаг.  (Үнэ¬хээр цаана нь ху-жаа байгаа нь үнэн шиг авлигачид байгаа нь үнэн байдаг)Бид муу учраас ийм байгаа ч юм биш. Харин энэ нь туулсан түүх, явсан зам маань ийм суртлын ул мөр үлдээсэн болохоос  биш монголчууд учраас л тэгдэг юм бас биш.Миний бодлоор бол монголчуудын давуу тал нь “хүнтэй л адилхан хүн” байгаа явдал билээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гэнэн хонгорууд минь хэзээ хэрсүүжих бол?

Заримдаа ч өөрсдийгөө бодохоор өрөвдмөөр санагдах юм. Монголчууд бид арай ч дээ гэмээр гэнэн итгэмтгий хүмүүс. Аливаад ултай суурьтай, буурьтай хандана гэж байхгүй. Зүгээр л хөнгөн хөвсгөрхөн сэтгэлээр хөөрч дэвэрч явах нь бий.  Түүнийг нь нотлох зүйлс захаасаа аваад л үй түм. Улс орон оршин тогтнохын амин судас нь болсон эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэхэд өнөөдөр алга. Гангийн үйлдвэр, за тэгээд бензин шатахуун нефть, цахилгаан станц гэж олон жил амаа цангатал ярилаа. Гэвч бүтээсэн юм алга л байна.  
Ер нь бид чинь энэхэн амьдралаа тэнгэрээр нисч нисч цаг нь ирэхээр нам газарддаг шувуу шиг өнгөрүүлээд байна уу даа. Нэг л их “жиргэсэн” хүмүүс.  Одоо бол ухаажвал ухаажихаар цаг юмсан. Шилжилтийн үе гэж дээр дооргүй баахан ярьцгаасан. Тэр нь эрхбиш дуусаа байлгүй.
Шилжилтийн насандаа яваа охид хөвгүүд шигээ гэнэн тэнэг зангаа орхиж, бага  ч болов  хэрсүү суух цаг болсоон. Ингэхэд монголчууд бидний гэнэн хонгорыг илтгэсэн хэд хэдэн үйлдэл байдаг. “Хэрвээ шидтэн ирээд гурван зүйлийг биелүүлж өгье гэвэл та юу хүсэх вэ” гэх утга бүхий асуултыг хэн нэгнээсээ дандаа асууна. Сэтгүүлч нөхөд маань бол байнга асууна. Ийм л сэтгэлгээгээр бидний амьдрал явдаг. Болж бүтэхгүй зүйлийг нь нэг л өдөр дээд тэнгэрээс ид шидийн хүн ирээд цогцлоогоод өгөх юм шиг хэнэггүйхэн аж төрдөг. Яг үнэндээ байдал тэс өөр. Хүн төрөлхтний оршихуй ерөөсөө бодит зүйл дээр тулгуурладаг. Амьдралаа та өөрөө л босгоно. Өөр хэн ч биш.

Н.Гантулга

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тавдугаар сарын цох

Үнэн хэрэгтээ уран бүтээлч ба энгийн хүний хооронд ялгаа байхгүй.  Харин уран бүтээл бол санаа бодлоо хуваалцах  хамгийн сайхан аргын нэгэн. Гэтэл санаа оноо бол хүн бүхэнд л байдаг зүйл. Гэхдээ онцлогтой. Бусадтай хуваалцахын түүс болж, хэн нэгэн этгээд түүнийг нь сонсохгүй бол бухимдуулдаг тийм санаа бодол бий.  Бас аль болох бусдаас нууж, хэн нэгэн түүнийг гадарлах аваас сэтгэл хямруулдаг санаа бодол ч бас байна.
Маш олон хүн сэтгүүлч, сурвалжлагч болохыг хүсч, гэмт хэргийн мөрөөр сурвалжлах явцдаа “зах зээлийн ороо бусгаа энэ цаг үед”, “төрийн бодлого үгүйлдэгдэж байна”, “ард түмэн туйлдсаар байх уу” гэхчлэнгээр санаа бодлоо хавчуулах боломжийг хайдаг. Хүний нийгмийн хөгжил нь нийтийн ашиг сонирхлын тусгал байдаг болохоор “хүн бүр сурвалжлагч сэтгүүлч” болж дуу хоолойгоо хүргэх сонирхлыг тусгасан бизнесүүд бий болж. Үүний тод жишээ нь фээсбүүк, твиттер мэтийн нийтийн сүлжээ юм. Тэнд хэн дуртай нь “Улс төрийн тоймч”, “шуурхай мэдээний сурвалжлагч”  болж болно.
Урлаг, уран бүтээл өөрөө түүхийн турш ардчилагдсаар явж байна. Бүжиг хийх нь зөвхөн авьяастай, уран налархай хүнд олддог боломж байхаа аль хэдийнэ больжээ. Ямар ч хүн “таанц” хийж, чадахгүй бол зүгээр гар хөлөө хөдөлгөсхийгээд бүжиглэчихэж болж байна. Дуулахад сайхан биш юмаа гэхэд ядаж л солгой биш хоолойтой биш байх учиртай тэр үе ард хоцорч. Хип хоп бол дуулах урлаг ардчилагдсаны илэрхийлэл. Хэрвээ чи зурах чадалгүй бол зургийн аппарат аваад  мөрөөдлөө тодорхой хэмжээгээр биелүүлж болно. Уран бүтээл улам бүр бүх нийтийн үйлс болсоор байна. Ингэлээ гээд авьяас билигтэнд гай түй болсон юм огт байхгүй.
Хүн болгон дуулдгаас болоод дуулах урлаг алга болчихдоггүй шиг, хүн болгон сэтгүүлч байхтай зэрэгцээд мэдээллийн хэрэгслэл, мэдээллийн уран бүтээлчид оршсоор байна. Одоо ч байнга гарч л байдаг, Зөвлөлтийн үеийн “Амьдрал нулимсанд дургүй” киноны эхлэлд ийм хэсэг бий. Өнгөрсөн зууны жараад онд телевиз анх нэвтэрч эхлэх үеийн операторч хархүү “ Зурагт радио гарснаар ном, хэвлэлийн эрин ингээд төгсч байгаа” тухай ярин бүсгүйчүүдийг бишрүүлэх төдийгүй, нэгийг нь хөл хүнд болгож байгаа тухай гардаггүй юу. Түүнээс хойш хагас зуун жил өнгөрсөн ч ном хэвлэгдэж сонин гарсаар л байгаа шиг бүх хүн уран бүтээлээр оролдох боломж нээгдсэн ч уран бүтээлчид тодрон гарахад садаа болох юм үгүй хэвээр. Цаашдаа урлаг, уран бүтээл улам ардчилагдаж, нийтийн үйлс болсоор байх нь. Гэвч авьяас билиг, урлан бүтээхүй үргэлж үнэ цэнэтэй, содон гайхамшигтай хэвээрээ үлдэнэ.
Бидний хийж байгаа бүхэн ямар нэгэн санаа бодлын илэрхийлэл болдог. Хашгирах, дуулах, уурлах, инээх, тэр бүү хэл дуугаа хураан ажин түжин болох ч санаа бодлын илэрхийлэл. Олон хүн  эцэг эхийнхээ “дуугүй зэмлэл хамгийн сүртэй” хэмээн дурссан байдаг. Бид гомдсон нэгэнтэйгээ дуугарахаа больдог нь хамгийн айхавтар зэмлэл болдог. Тасралгүй боловч аажим хувьсч байдаг байгаль дэлхий шигээ аажуу тайвуу амьдралын хэмнэлтэй явсан монголчууд “баярлалаа”, “чамд хайртай”, “тандаа хайртай” гэхчлэн бараг ярьдаггүй байсан нь учиртай. Нүүдэлчид болохоороо баярладаггүй, эсвэл сэтгэлээ илэрхийлдэггүй байсан ч юм биш. Хөөрч догдолсон сэтгэл, хязгааргүй их хайр, энэрлээ аажуу тайвуугаар, ерөнхий төрхөөрөө  илэрхийлнэ. Чихэр авсан хүүхэд өдөржингөө нүд гэрэлтэн талархана. Бэлэг аваад харж байгаа, аав ээждээ үзүүлж байгаа, ах дүүтэйгээ хувааж байгаа, түүнээ амталж байгаа, амталсны дараа сэтгэл хангалуун байгаа бүхий төрх нь өглөгийн эзэнд талархал илэрхийлнэ. Үгээр хэлэх аргагүй бүтэн бүтэн, аз жаргал дүүрэн талархал.Өглөгийн эзэн хүүхдийг ямар их баярлуулснаа бүрэн бүтэн мэдэрнэ. Хайртай хүнээ хараад хөл нь хөнгөрч, үйл үртсээ андууран алдан сэтгэл хөдөлж байгаа бүсгүй үгээр илэрхийлэх аргагүй хайр илэрхийлнэ.
Харин суурин газрын цаг хугацаатай уралдсан хүмүүст хэн нэгнийхээ хэрхэн баярлаж байгааг хараад суух, талархсанаа үзүүлээд байх зав зай гарахгүй. Тэгэхээр баярлалаа гэж үгээр хэлэхээс аргагүй, ээжтэйгээ утсаар ярихад царай төрхөнд нь байгаа хайр энэрэл харагдахгүй тул “тандаа хайртай” гэж хэлэхээс өөр замгүй. Зэрэгцэн оршиж байгаа талархах, хайраа илэрхийлэх ёсон аль нь ч алинаасаа сайхан юмуу, муухай биш.
Эрнандо Сото эдийн засагчдыг шоолж,  адууны талаар судалгаа хийх даалгавар өгөхөөр бэлчээрт очиж ажиглахын оронд өрөөндөө суугаад “хэрвээ би морь байсан бол яах вэ” бодоод унадаг хэмээн егөөдсөн байдаг. Адууг тэгж судалж болохгүй. Харин хүнийг бол болно. Чиний санаанд орсон зүйл бусдад ч бас бодогдож болохыг анзаардаггүйд бидний алдаа байдаг.  Туршлагатай мөрдөгчид  гэмт этгээдийн “миний бодсоныг өөр хүн бодохгүй” гэсэн төөрөгдөл дээр  ажилладаг.
Уран бүтээлчид л үзсэн дуулснаа бусадтай хамгийн сайн хуваалцдаг хүмүүс. Гэхдээ тэд хэний ч бодоогүйг бодож, сэтгээгүйг сэтгэдэг гэвэл алдас болно. Харин бусдынхаа бодсон боловч илэрхийлж амжаагүй,  сэтгэлд байсан ч  бодолд ороогүй санааг л илэрхийлдэг. Тухайн уран бүтээлчийн хийсэн зүйл бусдын санаанд нийцнэ гэдэг бол түүний санаж байсан, хараахан илэрхийлж амжаагүй байсантай утга давхцана гэсэн үг юм. Санаа нийлэхгүй байна гэдэг  бол санал бодлын салбарт хамтран ажиллахын нэр юм. Та яг түүн шиг бодсон ба тэрийгээ няцаасан байдлаараа ялгагдаж байна гэсэн үг.
Ингээд та нарын ч бас бодож байсан зүйлийг, дараа нь няцаасан санааг, заримаас нь жаахан өрсөж ч юмуу бичсэнээ толилуулж байна.  Хорвоо төгс төгөлдөр бишээс хойш яалт ч үгүй шударга бус юм байсаар л байгаа юм. Наад зах нь, энэ өгүүлэл таны санаагаар дүүрэн боловч миний нэрээр гарч байх жишээтэй…  
Аа тийм, ямар ч тавдугаар сар, цох хорхойн тухай өгүүлээгүй атлаа ийм гарчиг өгсөн нь ямар учиртай вэ, гэж үү? Яахав дээ, тавдугаар сар болж байна. Харин тэр цох нь энд ямар ч хамаагүй ээ. Хэзээ ч юм бэ санаанд үлдсэн “Майский жук” гэдэг нэр санаанд ороод болохгүй байсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэц дээр ульж буй чоно

“Хэц дээр өлийж суугаад ульж буй чоно шиг” гэж түүнийг Дөнгөтийн Цоодол найрагч нэгэнтээ хэлсэн удаатай. Эл зүйрлэлийг нь Жагдалын Лхагва өлгөж аван “Цоодол чи цаадахыгаа тун онож хэллээ. Яруу найрагчид үнэхээр нарийн мэдрэмжтэй шүү” хэмээн ихэд үнэлсэн дуулддаг. Тэрхүү, хэц дээр ульж буй чоно бол төрийн шагналт зохиолч Балжирын Догмид юм. Мань хүн “Улаан тарианы хүүхнүүд” зохилоороо кино хийх гээд манаргаж яваа. Уг киноных нь найруулагчаар “Монгол кино нэгтгэл”-ийн Ж.Солонго ажиллаж буй. Тэр хоёр хэрэлдэхдээ хэрэлдэж, хэлцэхдээ хэлцэж юм юм л болж байгаа нь мэдээж. Хоёулаа омголон гэж жигтэйхэн, шазууртай эрчүүд л дээ. За тэр яахав. Маньд падгүй.
Харин Догмид зохиолчийн тухай нэг “юм” хиймээр санагдаад болдоггүй. Сүүлийн үед сонин хэвлэлд яриа хөөрөө нь ч тэр бүр гараагүй билээ. Ингээд түүн рүү шууд л ярихаар шийдлээ. “Таны тухай нэг юм бичих гээд ээ” гэж хэлэх нь юу юм. Зүгээр л хаагуур юу хийж явааг нь тандах маягтай ярилаа. Утсаа авч байна аа. “Улаан тарианы хүүхнүүд”-тэйгээ зууралдаад тун завгүй байна уу гэхэд, “Кино ч яахав явдгаараа явж байгаа. Ах нь одоо Алтанширээгээ зорьж явна” гээд тун чиг сэтгэл хангалуун байгаа нь илт. Бодол санаа нь хэдийнэ Алтанширээдээ оччихсон, Өлзийт хайрханыхаа орой дээр гүйгүүл морин мэт хөлсөө шилгээн буй нь дамжиггүй. “Ямар ажлаар нутаг руугаа явж байна даа” гэхэд “Клипний зураг авах гээд явж байгаа юм” гэв. -Юун клип билээ,
-Хэдэн жилийн өмнө нутагтаа очтол муухай гандуу байсан. Тэгээд Өлзийт хайрханаа тахилаа. Бороо хур ч асгаад сайхан болсон. Тэр цагаас хойш жил бүр тахиж байгаа юм. Ерээд оны дундуур “Өлзийт хайрхан” гэсэн шүлэг бичиж, түүнд минь Л.Галмандах ая хийсэн юм. Тэгээд уг дуундаа клип хийх санаатай нутаг руугааа явж байна даа. Дулмаагийн Ганхуяг гавьяат дуулах юм. Бид хоёрын хооронд иймэрхүү яриа өрнөлөө. “Та дууныхаа шүлгээс хэлж өгөхгүй юу” гэхэд уриалгахан нь аргагүй уншлаа. Ус нутгаа зорьж яваа зохиолчийн сэтгэл ёстой нөгөө “Аргагүй амрагийг дарж дарж орхисон шанз” гэдэг шиг л байна. Бусад үед Догмид зохиолчоос утсаар шүлэг сонсоно гэж санасны гарз. “Битгий хуц” л гэх байх. Ингээд аатай омогтой зохиолч маань намрын хонгор салхины үзүүрийг имрэх адил шүлгээ уншлаа даа.
“Өлзийт хайрханы нартай бороо нь
Өдөржин, шөнөжин зүсэрнэ ээ
Өгөөмөрийн толгодын алаг солонго нь
Өрхөө татах бүсгүйчүүдийг гоёно оо
Өлзийт хайрханы морин зэрэглээ нь
Өлзий утсан хээтэй дээ
Өвдгийг чинь дэрлэн зүүрмэглээд
Өвөө, эмээ болж зүүдэллээ
Даанчиг хол явсан чамайг минь
Дагуулаад ирдэг бурхан ч байдаг болоосой…”

гэж дуулж байгаа мэт уянгатай уншив. Хорин зургаахан настайдаа хорвоог орхисон анхны ханиа санаж уг шүлгээ бичиж дээ гэхэд, тийм юм аа гээд “Хайрхандаа ханиа дагуулаад очно доо хэмээн архидаж, онгирч сагсуурч байтал тэр маань нэг л өдөр холоо явчихсан” гээд хоолой нь зангирав. Бид хоёрын яриа ч тэгсгээд өндөрлөлөө. Эндээс л эрхэм зохиолчийн тухай бичил туурвилаа эхэлнэ дээ.
Тэрээр анхны ханьтайгаа хэрхэн учирснаа ярих дуртай. Бүр нэг чин сэтгэлээсээ, дотроо онгойтол, хэр баргийн хүн харц дальдрахаар  нүдэндээ нулимс гүйлгэнүүлж байгаад ярих дуртай. Дөрвөн сайхан үрийг нь төрүүлж өгсөн бүсгүйд үйлийн үргүй хайртай байсан юм билээ. Сайншандаас Зүүнбаян хүрэхээр довтолгож явахад зам дээр гар өргөөд зогсож байсан арван жилийн сургуулийн цагаан фаарчиктай охин хань нь  байсан гэдэг ээ. Ердөө тавьхан километр яваад машинаас буухдаа өнөө нялх амьтан чинь өөрөөсөө олон ах, дээр нь архи ханхлуулчихсан эрийг эхнэр нь юм шиг сугаджээ. Ийм л түүх. Есдүгээр ангид орох жилээ том хүүгээ төрүүлж сургуулиа орхисон байгаа юм. Уг бүсгүйг Догмидтой ханилахад олон хүн харамсч байсан гэх. “Эрх дуураараа өссөн айлын ганц хүү, архи дарсанд дуртай, шүлэг зохиол гэсэн овлигогүй, сэтгэл нь сэрвэлзсэн ийм нэг хар юмтай энэ сайхан охин яана даа” гэж байж. Олны хэлснээр би ханиа баллаагүй ээ хэмээн бардам хэлдэг. “Суман даргын охин” өгүүллэгээ, “Анхны хайрын дууль” кино зохиолоо тэрээр ханьдаа зориулсан байдаг шүү.
Мань эрийн ууж наргиж, уйлж дуулж, уймарч туймарч, бүтээн туурвиж, асан мандаж явсан он жилүүдийнх нь тухай нэгд нэгэнгүй өгүүлнэ гэвэл барагдахгүй. “Түүний хувийн амьдралын үүх түүх роман шиг санагддаг юм… Салхи шиг зоргоороо омголон эр дээ” гэж сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэг бичсэн нь бий. Үнэхээр туулж өнгөрүүлсэн он жилүүд нь домог түүх шиг санагддаг. “Урлаг соёлын сайхан хүмүүстэй, дуулдаг хуурддаг ертөнцийн гоё хүүхнүүдтэй хорин хэдэн жилийг найрын ширээний ард нанчид өргөж өнгөрөөсөн дөө” хэмээн төрийн шагналт зохиолч маань хэлдэг. Ууж идэж байснаа тэр хэнээс ч нуудаггүй. “Нуугаад яах юм. Тэртэй тэргүй ард түмэн мэдэх юм чинь” гэнэ. Хоёр мянга гурван оны өвөл байна уу даа, Догмид зохиолч “Хөх тэнгэрийн зарлиг” өгүүллэгээрээ оны шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд”-ийн шагнал авсан юм. Дуурийн театрын тайзан дээр олны өмнө шагналаа гардчихаад, өргөмжлөл, цомоо сугандаа хавчуулж байгаад баярын сэтгэгдлээ хуваалцаж билээ.
“Би энэхэн амьдралаа хоёрхон зүйлд зориулжээ. Нэг нь архинд, Дорноговьд намайг хэрхэн ууж явсныг та бүхэн мэднэ дээ. Нөгөө нь уран зохиолд юм. Чивчирсэн сайхан бүтээл төрүүлэх гэж шаналж явдаг хүндээ, би” гэсэн утгатай үг хэлэхэд танхим дүүрэн цугласан олон их л тааламжтай хүлээж авсан юмдаг. Тэрээр Санхүүгийн сургуулийн нэгдүгээр ангийн оюутан байхдаа алдарт Чойжилын Чимидтэй хамт “Шархад”-нд хэвтэж байсан гэдэг. Чимид гуай мань хүнээс “Чи энд яах гэж ирсэн юм” гэхэд “Архинаас гарах гэж” гээдэхэж. Тэгсэн Чимид “Чи ороогүй байж гараад байхдаа яадаг юм. Битгий инээд хүргээд байгаарай” гэсэн удаатай. Энэ мэт түүний архитай нөхөрлөж явсан дурсамжаас нь хуваалцвал сонин л байдаг.
Түүнийг нэг удаа Чойжилжавын Билигсайхан доктор бут авч билээ. “Утга зохиол” сонины тэргүүн нүүрэн дээр Догмид багш(С.Эрдэнэ)-аасаа өгүүллэг хулгайллаа гээд л. “За өнөө Догмид ч улаан галзуу юм Билигсайхан дээр очих нь мэдээж. Яахлаараа намайг чи хулгайч зэлгийчээр минь дууддаг юм гээд асна” хэмээн зохиолч нөхөд нь дамшиглаж байсан. Билигсайхан доктор дээр тэгж очсон эсэхийг мэдэхгүй юм. Харин сонинд ярилцлага өгч уг шүүмжид хариу барьсан байдаг. “Билигсайхан намайг Эрдэнэ багшийнхаа бүтээлээс өгүүллэг хулгайлсан мэтээр бичиж, шүүмжийн сумаар зүрх рүү буудаж л байна. Би ийм буудалтад тэгж амархан сөхөрчих хүн биш. Эрдэнэ агсан бол миний ганц багш бөгөөд уран бүтээлд минь хамгийн өндөр үнэлгээ тавьсан хүн. Тэр амьд сэрүүндээ “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа, Догмид том амьтан даа, базарваань. Өгүүллэгийн хувьд толгойд гарсан хүн шүү гэж миний бүтээлд үнэлгээ өгсөн байдаг юм. “Өдрийн сонин”-ы 1999 оны 161 дугаарт бий дээ. Та хэд олоод харчихаарай. Би тэгж багшийнхаа богц руу гараа дүрж нүгэл үйлдэхгүй ээ” гэж хэдэрлэсэн нь бий.
“Хэц дээр ульж буй чоно”-ын тухай өгүүлэхэд гарцаа байхгүй дурсагдах хүн нь Жагдалын Лхагва юм. Богино өгүүллэгийн мастер тэрхүү эрхмийг Догмид зохиолч дандаа дурсана. Тэр хоёрын үерхэл нөхөрлөл, зохиол бүтээлийн тухай олон бичигдсэн дээ. Харин тэр дундаас хоёрхоон дурсамжийг сөхюү. Ерээд оны эхээр өнөө Догмид чинь сүрхий улс төржсөн аж. Их хуралд Дорноговиос дэвшихээр болжээ. Ерөнхий менежерээрээ мань Лхагваагаа авсан байна. “Толгодын цаана ингэ буйлна” ном хэвлэгдэн шуугиан тарьчихсан, кино зохиолууд нь олныг хуйлруулчихсан Жагдалын Лхагва шиг нэр хүндтэй хүн тухайн үед Дорноговьд байгаагүй гэдэг. Аймгийн төв уулзалт хийж байтал ерөнхий менежер нь алга гэнэ. “Золиг чинь уугууд л явчихлаа даа. Уулзалт дуусахаас өмнө ирчихгүй байгаа. Түүний амнаас гарсан нэг үг ч үнэтэй” хэмээн нэр дэвшигч бодож сууж.
Тэгтэл Лхагва нь уулзалт дуусахын өмнөхөн сүүтийтэл ороод ирсэн гэнэ. Бүдэгхээн гэрэлтэй уулзалтын танхимын ханыг налсан шигээ индрийн зүг хандаж байх юм гэнэ. Догмид ч дотроо баярлаад, за болж. Балгасан ч гол ажлаа мартаагүй л явна. Ер нь халмагхан байж л цаад чинь учиртай үг хэлнэ дээ гэсэн юм бодоод Лхагваагаа лут гэгч зарлан тайзнаа урьчихаж. Тэгтэл ерөнхий менежер нь яасан гэж бодно. Өнөө нэр дэвшигчээ хайр найргүй балбасан байгаа юм. “Дорноговьчууд минь та хэд намайг Догмидыг дэмжих гэж ирсэн гэж бодож байна уу, үгүй юм аа. Бид бүгд мэднэ. Хориод жил манай аймгийн архины лангууг хоосолсон хүн бол Догмид. Өөрийгөө олигтойхон аваад явчихаж чадахгүй энэ хүнээр төр бариулна гэж юу байхав. Түүнийг битгий дэмжээрээ. Догмид намайг өөрийг нь дэмжихээр ирсэн хэмээн бодож байж магад. Тэгвэл горьдсоны чинь гарз” гэсэн байгаа юм. Ингээд Догмид зохиолчийн Их хурлын гишүүн болох хөг өнгөрсөн түүхтэй.
Өөр нэг дурсамж бий. Тэр бол үнэхээр сэтгэл гогдсон дурсамж шүү. Юу вэ гэвэл агуу их Жагдалын Лхагва цаг бусаар хорвоог орхиход Балжирын Догмид нөхрийн ёсоор нутаглуулсан гэдэг. Бүр тодруулбал, өөрийнхөө газарт нутаглуулсан байна. Мань хүн Алтан-Өлгийд газар авахаар албаны хүнтэй уулзжээ. Бүрлээчийгээ Монголын нэрт зохиолч, суут хүн л гэсэн байна. Үнэн л дээ. Турьхан бүсгүй “Уучлаарай, төр засгийн түшээ, дарга сайд байсан хүмүүс, мөн төрийн шагналт, гавьяат цолтой эрхмүүд Алтан-Өлгийд нойрсдог юм. Харин таны энэ хүн чинь…” гэтэл Догмид уурлаж, учирлаж, гуйж нэг үзсэн байгаа юм. Гэвч яая гэхэв, журам бол журам. “Лхагва минь Алтан-Өлгийд л нойрсох учиртай” гэснээс өөрийг бодох сөхөөгүй явсан Догмидод нэгэн мэргэн санаа төрчээ.
Газар олгогч бүсгүйгээс шуудхан “Төрийн шагналт зохиолч Догмид газраа авч болох уу” гэж асуужээ. Үгүй ээ, та чинь… гэтэл яах ийхийн зуургүй газраа авч, өөрийгөө амьдаар нь “оршуулчихаад”, Алтан-Өлгийд анд нөхрөө нутаглуулан сэтгэл жаахан ч гэсэн өег байсан болов уу. Ерөөсөө энэхэн дурсамжаас Догмид гэж хэн бэ, Жагдалын Лхагва гэж хэн байв гэдэг нь тодхон харагддаг. Догмид бол авьяастай хүнд хэтэрхий хайртай нэгэн. “Авьяасын дэргэдүүр хэнэггүй өнгөрөх шиг эвгүй зүйл уран бүтээлч хүнд үгүй” гэж Долгорын Цэнджав нэгэнтээ хэлсэнчлэн “Монголын утга зохиолд Алтанширээгээс тодорч, цээжний хэдэн морьдын дунд салхи татуулах эрхэм зохиолч дараа үеийнхээ хуруу дарам хэдэн дүү нарт хайртай явдаг. Тэдний нэгэн бол Арлааны Эрдэнэ-Очир. Түүний талаар Балжирын Догмид аагьсан сайхан хөрөг бичсэн дээ, “Дулаан харын ууланд Саран хөхөө донгодно” гэж. Ер нь Догмидоор өөрийнхөө тухай бичүүлэх, бүр давраад шараа тайлуулах гэдэг бол ховорхон хувь тохиол.
“Ус уухын заяа” туужаа биччихээд тэрээр шөнө дөлөөр дээл нөмрөн гарч, би агуу зохиол биччихлээ ш дээ гэж говийн дурдмал тэнгэрийг цууртал орилсон гэдэг. Ааг омог нь зодгондоо багтаж ядсан зохиолч бол яалт ч үгүй Балжирын Догмид юм аа.    
Түүний “Хонгорзул гэж адис авмаар сайхан бүсгүй, хоймортоо залаад мөргөмөөр янжинлхамын бүрэлбаа…” хэмээн эхэлдэг аатай шүлэг бий. Хоёр жилийн өмнө байна уу даа эрхэм зохиолчтой Бөхийн холбооны дэд тэргүүн, доктор Довдонгийн Данзангийн өрөөнд таарлаа. Кофе уунгаа өнөө шүлгийнх нь талаар асуулаа. “Хонгорзул уу” гэж түр бодлогоширсноо “Сайхан л амьтан байсан даа. Ер нь төгс төгөлдөр зүйл чинь л жинхэнэ бүтээл төрүүлдэг байхгүй юу. Надад “Хонгорзул” шиг олон шүлэг бий. Тэднийгээ хүнд үзүүлээд гайхуулаад байдаггүй. Ер нь  өөрсдийгөө сүрхий гэж боддог муусайн юмнуудын дэргэд би чинь яруу найрагч байхгүй юу” гэсээр гараад алга болж билээ.

Categories
ангиллуудын-баннер баннер нийгэм-ангиллын-баннер улс-төр-ангилалын-баннер эдийн-засаг-ангиллын-баннер

odriin sonin

Categories
арын-нүүр булангууд редакцийн-нийтлэл

“Шилжилтийн нас” гэх нэрийдлээр үр хүүхдээ баллах юм даа

“Манай хүү шилжилтийн насандаа яваа юм. Сүүлийн үед их эмзэг, нэг л хачин болоод байна” гэж ээж аавууд өөрсдөө сүржигнээд байх шиг. Зүв зүгээр байсан хөвгүүд охидод “Шилжилтийн нас” гэж томъёоллыг тулган хүлээлгээд буруу зүйл рүү хөтлөөд давхичихаж байгаа нь анзаарагддаг. Тухайн хүүхэд огт санаандгүй байдлаас ах эгч нарынхаа өөдөөс цоролзох юм уу, хэн нэгэнд яльгүй гомдоллож тунирхахыг харангуутаа өнөө хэдийг нь загнаад “Эмзэг насандаа яваа хүүхдийг та хэд ойлгохгүй байна. Дүүд чинь ямар хэцүү байгааг ухаарч байна уу” гэх зэргээр баахан сүржигнээд болохыг нь байлгачихдаг.
Ижий аав нь тэгж бөөцийлөн хэн хүнээс өмөөрч нялхамсч нялцганаад эхлэнгүүт өнөө хүүхэд дүрдээ орох нь тодорхой. Тэгж л арван хэдтэй алиа хонгорууд жинхэнэ шилжилтийн үетэйгээ золгож ёстой л уньсан тунисан, ихэрхэж пээдэлзсэн, үг хэл авахгүй, аливаад жигтэйхэн шантарсан ул суурьгүй, сэтгэлийн хатгүй болох эхлэл тавигдаад ирж байгаа юм.
Учир мэдэх хүмүүс “шилжилтийн нас” гэх энэ томъёоллыг огтоос тоодоггүй шиг билээ. “Бидний багад лав тийм зүйл мэдрэгдээгүй дээ. Аав ээж тэгж нялганаж, наашаа цаашаа болж байхыг мэдэхгүй юм” гэж өгүүлэх нь бий. Арван хэдэн насанд мэдээж дуу хоолой бүдүүрэхээс аваад бие физиологийн хувьд өөрчлөлт ордог. Түүнээс сэтгэл санааны гүн цочролд автаж, эмзэг туяхан болдог нь юу л бол.

Н.Гантулга        

Categories
баннер нүүр-хуудасны-баннер нүүр-хуудасны-баннер-1

Нүүр баннер