Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайхан ой

-Фельетон-

Энэ Улаанбаатар хотын ойноос болоод хамаг юмныхаа учрыг олохоо байсаан. Нийслэлд төөрөх байтугай торох ой мод байхгүй болохоор тэмдэглэлт ойн тухай л ярьж байгаа хэрэг.  Манай томыг гардаг жил 1984 онд Улаанбаатар хотын 60 жилийн ой болж байсан нь тодхон байна аа.  Монголчууд чинь хүүхдийн наснаас  эхлээд аливаа юмыг тэр үед болсон ой,  содон үйл явдалтай уялдуулж   тоолдог улс. Ухаандаа  хууччуул бол “гамингийн жил төрсөн хүүхэд”, “хөрөнгө хураадгийн урьд намар болсон явдал”,  “мичин жилийн зудны хойтон болсон хэрэг” гэхчилэнгээр он цагийг баримжаална. Харин арай шинэ үеийнхэн нь “намайг Зөвлөлтөд жуулчилдаг жил”,  “эрдмийн зэрэг хамгаалахаас маань жилийн өмнө болсон хэрэг л дээ” , “Одонгийн найр болдгийн хойтонгийн явдал”  гэх маягаар тооцно.  

Би ч хүүхдээ Улаанбаа­тарын 60 жилээр төрсөн гээд сайн баримжаатай явсан хэрэг.  Тэгсэн чинь   10 төгсгөдөг жил нь  Улаанбаатарын 360 жилийн ойг тэмдэглэх нь тэр. Толгой бүр эргэж гүйцсэн.  Манай хүүхэд чинь Улаанбаатарын 60 жилээр төрсөн хүүхэд  гээд ярихаар 332 настай болох нь дүүрч гэхэд надаас  292 насаар ах болоод явчихлаа.  Энэ жил Улаанбаатарын 370 жил гээд бодохоор манай хүүхэд 310 хүрч байгаа болтой юм аа. 

Би өөрөө болохоор мал нийгэмчилдэг жил төрсөн тулдаа нэгдэлжих хөдөлгөөний ойгоор насаа тааруулаад  болоод явдаг амархан байсан. Аз дутахад ардчиллаас болоод нэгдэлжих хөдөлгөөн ялсны ойг тэмдэглэхээ байчихлаа. Өнөө “Хүргэн хүү” кинон дээр “Сэрээнэн  дарга маань ч ажлаасаа халагдаад явчихлаа” гэдэг шиг юм болсон. Гэхдээ оргүйд орвол охинтой гэгчээр хүүхдээсээ төд дүү байх учиртай гэдэг баримжаа бол байх нь байна.  

Гэтэл сая нэг эрдэмтэн бичжээ. Монгол Улсын нийслэлийг эзэн Чингэс хааны байгуулсан Хархорумаар тоолж 790 жилийн ойг нь энэ жил тэмдэглэх учиртай гэсэн байх юм. Чингэвэл би хүүхдээсээ даруй 730-аар дүү болж таарах нь, улам л залуужаад зүгээр ч юм уу?

Гэхдээ  зарим хүнийг бодоход би азтай байгаа л даа.  Андын маань хүүхэд Октябрийн районы  10 жилийн ойгоор төрсөн гэж байгаа. Гэтэл  район нь дүүрэг болоод бас нэрээ солиод  1992 оноос насаа шинээр тоолж эхэлжээ. Найзын маань 17-той хүү өвдөж хавдлаа гэхэд шууд л нэгдүгээр төрөхийн нярайн тасагт хэвтэх болсон хэрэг.  Тэр хүү хойтон нь гэрлэж ой зургаан сартайдаа үрийн зулай үнэрлэснийг дурдаад эл түүхийг орхиё доо. 

Гэхдээ учир нь олддоггүй ойнуудад ч зөв мэнэжмэнт хийвэл бас нөөц байна аа. Нэг найз маань хаваржингаа төрсөн өдрөө тэмдэглэдэг  гэж байгаа. Мань хүн нийтийн он тооллын 3 сарын 10-нд төрсөн байгаа юм. Тэр өдрөө мэдээж тэмдэглэнэ. Гэтэл нийтийн тооллын тэр өдөр нь дорнын зурхайн хаврын  дунд сарын шинийн найман байсан байгаа юм. Тэрбишийн зурхайг харж байгаад тэрийгээ бас ёслоно. Ингээд зогсохгүй ээ. Гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн баасан гаригт төрсөн гэдгээ орхих нь тусгүй гэж үздэг. Дээр нь  мөн тэр өөрийн мэндэлсэн “цагаагчин туулай” өдөр, улмаар өдрийн барилдлага, шүтэн барилдлагаар тааруулж бас тэмдэглэнэ. “Миний бие хаврын дунд сарын хамгийн эхний шороо  махбодтой өдөр төрсөн, тэрийгээ л тэмдэглэж сууна, чамайг урьж байна” гэхэд яаж хоосон очих билээ. Ямар азаар балжинням, дашнямтай өдөр төрөөгүй юм бэ? Тэгсэн бол  жилд хичнээн ч тэмдэглээ билээ.

Яах гэж үүнийг ярив аа гэхээр сая хотынхоо ямар нэгэн түүхт ойг угтан гол замынхаа гол хэсгийг сайхан засаад авбаа даа. Гэтэл ой ганц, зам ганцгүй байдаг. Учир иймд хотынхоо ойг З7О-аар нэг тэмдэглэснээрээ тэмдэглэе. Залгуулаад Улаанбаатар  гэгдэх болсноор ёслохын тулд Бага тойруугийн замыг янзлаад, улмаар Чингэсийнхээр тооцоолж баярлахдаа Их тойруугийн замыг засаад явчихмаар санагдаад байна. Энэ зуур замаа засаж дуусахгүй бол  анх хот байгуулагдахад ямар амьтанд харгалдах жил, махбод, мэнгэ, суудал зэрэг таарснаар нь дахин дахин  бодоод байхад ямар ч л байсан тэмдэглүүштэй ой гараад л ирнэ.  Ой ар араасаа цувраад далимд нь зам сайхан болоод байна гэсэн үг. Хэдийгээр гадныхан биднийг “импотентоо мэдэхгүй презерватив хураав” гэгчээр  юун ч ойсог юм билээ гэж шоолбол шоолж л байг. Байгаа юманд учир олдоно шүү дээ.

2009 оны 

11 сарын 17

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Хонины хурга зутарна гэж хоньчны хөвгүүн бэтгэрэх ёстой юу

Саяхан “Өдрийн сонин” дээр сэтгүүлч Э.Энэрэл “Хүүхдийн баяраар дотуур байр гэх шоронг халъя” хэмээн бичсэн. Тэрхүү нийтлэлд “Социализм  байгуулж байна гэж хийрхэж эхэлснээс хойш бараг 90 жил дотуур байр нэртэй боловсон шоронтой байсаар ирлээ, бид.  Харин энэ хугацаанд ямар иргэдтэй болов. Бусдыг дээрэлхдэг, бусдаас өрсөж хүртэх гэж булаалдсан атгаг санаа бүр багаас суух болсон. Бас хүнийг хайрладаггүй, хүйтэн хөндий, нэгэндээ талархаж баярлахаасаа атаархаж хонзогнох нь илүүтэй улс болж хувирлаа”  гэж өгүүлсэн нь бий. 

Миний бие хэдийгээр дотуур байрны бүтээгдэхүүн ч гэлээ, малчин ардын хүүхдүүдийн адил тэр л жишгээр явж сургууль соёл дүүргэсэн ч энэхүү уриалгыг зөв гэж бодож байна. Бүр чин сэтгэлээс дэмжиж буйгаа ч илэрхийлье. 

Дотуур байранд хашигд¬чихаад ямар зовлон тамлалыг эдэлж, ижий аавынхаа хайр энхрийлэлд умбаж л байх бага балчир насандаа яаж их шаналж, бусдын хараанд байж, өлсөж цангаж явснаа мартаагүй. Тийм зүйл огтоос мартагддаггүй юм билээ.

Одоо эргээд бодох нь, аавынхаа дүнсэн тамхи сонинд ороочихоод утаа суунаглуулж суудаг дүр төрхийг, эмнэг хангалыг чихдэж номхруулдаг ч үр наддаа элгэмсэг зөөлөн хандаж, сахалтай хошуугаараа энхрийлэн үнсдэгийг нь ямар их үгүйлэн санадаг байж вэ. Мөн ижийнхээ сааль сүү дарайтал шингэсэн дээлийнх нь энгэрт эрхэлж өссөнөө мөрөөдөн санаж, ор дэрээ нэвтэртэл уйлан, нус нулимстайгаа холилдон бэтгэрч байснаа мартаагүй байна. Эгэл малч¬ны хүүхэд бид ижий ааваасаа хол, ингэж бэтгэрч байх заяатай юм байна гэж боддог байж билээ. 

Гэвч өнөөдөр XXI зуун. Дэлхий нийтээр шинэ соёл иргэншил түгэн тархаж, хүн төрөлхтөн хөгжил цэцэглэлтийнхээ эрин үедээ нэгэнт иржээ. Дэлхийн улс  орнууд хүний эрх, эрх чөлөөг дээд зэргээр сахин хамгаалж, хүнээ хайрласан,  иргэнээ дээдэлсэн, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө бүтээн байгуулсан хүн ёсны эрин зуунд бид аж төрж байна. Гэтэл аль хорьдугаар зууны эхэн хагасын социализмын хатуу чанд бодлого Монголд мөрдөгдсөн хэвээр байж, энэхүү өгөршсөн, шоронжсон тогтолцоо улс орны хамгийн үнэт капитал ирээдүй хойч үеийн минь хувь заяагаар тоглож байна. Үүнийг анхаарч буй яам, тамгын газар засаг төр гэж алга. 

Дотуур байр хэмээх энэ шорон малаас нь хүнийг хөндийрүүлэхгүй гэсэн со¬циализмын харалган бодлого дээр байгуулагдсаныг бид мэднэ. Нэгдэл нийгмийн мал хуйтай айлуудыг хүүхдээ сургууль соёлд сургана гээд малаасаа хөндийрчих вий, ноос ноолуур, дэл сүүл, айраг сүүний төлөвлөгөө тасарчих вий гэсэндээ сум суурин бүхэнд дотуур байр барьж, амьтны алаг үрсийг өнчин хурганаас ч дорд үзэж өнөөх шорондоо хашсан байдаг. Монголд өнөөдөр дунд сургуулийн 512 дотуур байр байна, түүнд жилд дунджаар 38 мянган хүүхэд ордог гэсэн судалгаа байдаг.  Хуучин нийгмийн үлдэгдэл дотуур байр өдгөө цагт үнэндээ хоцрогджээ. Монголчууд бид чинь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан төрт улс орон биз дээ. Гэтэл амьтны үрсийг хар нялхаар нь бараг ижийнх нь мээмнээс салган авчирч, хорьж цагдаж байгаа нь хүнээ дээдэлсэн нийгэм мөн үү. Соёлт улс орнуудын шорон ч манай дотуур байрнаас дээр байгаа. Байрны ахуй амьдралыг бид сайн мэднэ. Өнөөдөр гэр бүлийн хүмүүжил, суурь боловсрол гээд ярьж байна. Ялангуяа Боловсролын яамныхан их ярих юм. Хар нялхаараа ижий ааваасаа хаягдсан хүүхдүүдэд гэр бүлийн боловсрол гэсэн ойлголт яаж байх билээ. Харин ч бусдад өширхсөн, хэн нэгнээ хайрлахаа байчихсан, хүнийг дээдлэх, хүндэтгэх гэдгийг мэдэхгүй аавын цээжүүд пэд пэд хийцгээж л байдаг шүү дээ. 

Яриа хөөрөө нь тийм нэг хахир хүйтэн болчихдог. Арга ч үгүй юм даа. Тэднийг удирдаж цаг ямагт дэргэд нь гозойж байдаг байрны багш гэж ямар ч боловсрол мэдлэггүй, харилцааны соёлгүй, бүдүүлэг нэгнийг сургуулийн захиргаа танил талаараа тавьчихдаг. Тэд амьтны нялх үрстэй “ална шудна” гэсэн хандлагаар л  харилцдаг нь нууц биш. Хүүхэд л болсон хойно залхуурах, өлсөж цангахын эрхэнд гэрээ санах гээд түмэн асуудал гаргана. Тэр бүгдэд байрны багш хуйгаар нь загнаж занд-раад яс янгинам хахир өвлийн хүйтэнд түлээ түлш бэлдүүлэх, голын жавар сөргүүлэн алхуулж мөс үүрүүлэх, худгаас ус зөөлгөх гээд хүнд хүчир ажил хийлгэнэ. Гадуур тэнэсэн нэгнийг нь орой хатуу арга хэмжээ авч яг л шоронгийн дэглэм шиг үзэж тарна. Ийм  л нөхцөлд ижий аавынхаа хайрыг мэд­рэхгүйгээр хүүхдүүд өсдөг. Дээр нь дэмий тэнэнэ, гу¬дамж метрлэнэ гэх ажил өөрийн эрхгүй бий болдог нь хорлонтой. Хоолондоо цадаагүй хүүхдүүд ах дүү амраг саднаа царайчлах нь дамжиггүй. Өнөө хэд байр¬ны хүүхэд гэхээр л бараг шоронгийн хоригдол шиг хү¬лээн авч, суганых нь бул­чирхайг цочтол мод хөрөөдүүлж, гэрийнхээ бүх л сав суулганд ус дүүргүүлж авсны  дараа таван боорцог хармаалуулаад явуулна. Боорцогны бараа харсан хүүхдүүд шууд байрандаа очихгүй. Ахлах ангийнхан ганцхан нэгжлэг хийгээд дээрэмдэнэ, өгөхгүй бол зодож жанчина. Олон жил байраар явчихсан хүүхэд ямар чиг үед сууж сураагүй, гэрт тогтохыг мэддэггүй. Зундаа гэртээ очихдоо болж л өгвөл айл амьтны тогоо өнгийчихсөн томчуудын хэрэгтэй хэрэгүй ярианд дурлачихсан явж байдаг. 

Бага балчрын энэ зан, өнөө “суурь боловсрол” нь тэднийг амьдралд хайш яйш  болгож, нийгмийн нэг л базаахгүй давхаргын хүмүүс болгох нь бий.

Тэгэхээр Монголын төр одоо Хүүхдийн төлөө хууль баталмаар байна. Тэрхүү хуульд монгол хүүхдүүдийг 14 нас хүртэл гэр бүлийнхээ халуун дулаан орчинд, ижий аавынхаа дэргэд сурч боловсрох ёстой гэсэн заалтыг оруулах нь зүйтэй. Ирээдүй хойч үеэ, залгамж халаагаа бид хуулиар л баталгаажуулах нь чухал. Гэвч яриад ямар чиг нэмэргүй. Гадны бүхий л улс орнууд хүүхдийг 11 нас хүртэл ганцаар явахыг хориглодог. Ер нь эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөө маш их үүрэг хариуцлага үүрч, алдаа гаргасан нэг нь эрх чөлөөгөө ч хасуулдаг хууль дүрэмтэй. Гэвч Монгол Улсад хүүхдийнхээ өмнөөс хариуцлага үүрнэ гэсэн ойлголт бараг байхгүй дээ. Тиймдээ л монгол хүүхдүүд бага балчраасаа хэрэг түвэгт орооцолдож, элдэв самуун үйлдэлд донтож, бусдын золиос болж цэцэг цэрвүү шиг насандаа амиа алдаж байна. Нэг л их хараа хяналтгүй хүүхдүүд. Ер нь хүүхэд хараа хяналтгүй байна гэдэг аймаар. Тэд нийлж дарвихаараа юу болдог билээ. Эхлээд тамхи татаж сурна. Дараа нь пиво ууж сурна, үндсэндээ согтууруулах, мансууруулах зүйлд татагдаж эхэлнэ. Тэгээд жаахан томрохоороо сексийн харилцаанд орж эхэлдэг. Бидний хойч үе иймэрхүү л маягтай амьдарч ирж байна. Хүүхдүүд багаасаа жирэмсэн боллоо, дунд сургуулийн төгсөлтийн хонхны баяр дээр форм паарчигтай охид цүдийсэн гэдэстэй зогсож ижий аавынхаа нүүрийг олны өмнө түлдэг тохиолдол цөөнгүй. Өнөө л дотуур байрны амьдрал, хууль дүрэм шүү дээ. Охидын байрны гадаа сумын төвийн архайсан залуус архи үнэртүүлээд орой үдэш зогсож байдгийг мэднэ дээ, бид.  

Ингээд бичихээр “Болоод ирсэн юм аа, хүү минь” гэж хүн бүхэн дайрдаг. Тэгвэл Монголд болчихсон нь хаана байгаа юм бэ. Манай улс дэлхийн 200-гаад орноос ядуу буурай, бүдүүлэг хоцрогдсон байдлаараа 180-д орж байна. Болчихсон нь тэгээд энэ үү. Огт болохгүй байгаагийн хамгийн гол үзүүлэлт энэ мөн биз дээ. 

Олон улсад нэр хүнд бүхий “Economist intelligence Unit” компани хүн амьдрахад хамгийн тааламжтай дэлхийн хотуудын судалгааг саяхан нийтэлжээ. Амьдралын хэв маяг, боловсрол, аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал гэх үзүүлэлтээр 140 орныг нэрлэж, бусдыг  нь хүн амьдрах эцэсгүй гэж үзсэн байдаг. Манай улс хүн амьдрах эцэсгүйд нь багтжээ. “Хүн сурч боловсрох,  хөдөлмөрлөх улс орнуудын жагсаалт”-ын мөн л сүүл хэсэгт бичигдсэн байна. Өнөөдөр Монголд Нобелийн шагналтан байна уу, байхгүй. Цаашдаа гарах болов уу, мэдэхгүй. Ойрын 100 жилдээ лав гарахгүй байх. Гэвч Азийн ихэнх орноос Нобелийн шагналтнуудад төрчихөж. Мөн дэлхийд гайхуулсан нэг брэнд, Монголын гэх тодотголтой бараа бүтээгдэхүүн байна уу.  Нэр цууд гарсан ганц хүн байна уу. Сумогийн хэдийг хэлдэггүй юм бол алга. Тэгэхэд уулын там болсон Түвдэд Далай лам байж л байна. Соёлт хүн төрөлхтнөөс ийнхүү хоцрогдож ядуу буурай, бүдүүлэг дорой байгаагийн үндэс суурь нь боловсрол юм. Өнөө манайхны амаа цангатал яриад байгаа гэр бүлийн хүмүүжил, суурь боловсрол мэдлэг гэдэг чинь. Дотуур байранд хоригдож өлсөж, цангаж, ижий ааваа санаж хоол унд, хувцас хунараас өөр зүйл бодох сөхөөгүй жил саруудыг туулж ирсэн Монголын хойч үе яаж боловсорч, дэлхийд гайхагдах билээ. Тэгэхээр Монголын төр засаг, Их хурал даруйхан Хүүхдийн төлөө хууль гаргаж дотуур байр хэмээх шоронг устгах хэрэгтэй. Хурга зутарчихна гэх өрөвдмөөр сэтгэлгээгээр малчдыг малынх нь дэргэд хатааж, малчин түмний мянга мянга үрсийг бэтгэрүүлэх учиргүй ээ.               

Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ нийгэм

А.Сүхбат аварга наадмаар зодоглох уу?

Монгол Улсын даян аварга, гавьяат тамирчин Агваансамдангийн Сүхбатыг өнөө жилийн баяр наадмаар зодоглоно гэсэн яриа гараад буй. Энэ талаар аварга байр сууриа албан ёсоор илэрхийлээгүй ч шавь нар болох улсын цолтой бөхчүүд, “Олимп” сургуулийн хамт олон, найз нөхдөөс нь уг асуудлыг үгүйсгэхгүй байгаа юм. Түүгээр ч зогсохгүй шавь нар нь “Сүхбат багш энэ жилийн наадмаар зодоглох байх шүү” хэмээн ойр тойрны хүмүүстээ ам алдсан сурагтай.  

Мөн даян аварга өөрийн хүүхдүүдийн ээж Б.Баясгаланд “Миний хүсэн хүлээж байсан дархан аварга цолыг өгөхөөр боллоо, хууль батлагдчихлаа. Тэгэхээр би энэ жилийн наадмаар барилдана” гэсэн утга бүхий үгсийг хэлсэн дуулдана. Сүүлийн үед бөхийн ертөнцөд өрнөж буй гол дуулианы нэг яалт ч үгүй энэ болоод байна. Угсраа мэхний гайхамшгийг үзүүлэн, уран хурц эрмэг дайчин барилдаанаараа үзэгч түмнээ байлдан дагуулж, сэтгэлийн цэнгэл эдлүүлж ирсэн аварга зодоглох эсэх нь наадамчдын сонирхлыг татаж байгаа нь мэдээж. Тэрээр нэгэнтээ “Бөхийн амжилтыг минь цаг тухайд нь үнэлж байгаагүйгээс миний бие зодог тайлсан. Хэрвээ гаргасан амжилтыг минь үнэлж, надад дархан аварга цол олгох юм бол төрийн наадамдаа дахин зодоглоно” гэж мэдэгдэж байсан удаатай. 

Харин А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт хуулийн дагуу дархан аварга цолыг хэзээ өгөх нь тодорхойгүй байна. Энэ талаар үндэсний бөхийн салбар хорооны дарга Х.Золжаргалаас тодруулахад “Комиссын гишүүдтэйгээ зөвлөлдөж байгаад шийдэлд хүрнэ. Нэр бүхий бөхчүүдэд цол олгох асуудлыг бөхийн салбар хороо, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст танилцуулах шаардлагатай бол Д.Тэрбишдагва даргад танилцуулж таарна. Д.Тэрбишдагва дарга хуулийн дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлнэ. Тэгэх шаардлагагүй гэж үзвэл бөхчүүдэд цолыг нь шууд олгоно” хэмээх хариултыг өгсөн. МҮБХ-ны тэргүүн, бөхийн салбар хорооны дэд дарга Р.Нямдорж “Тогтоолоор цол олгож байгаа учир Ерөнхийлөгчийн Тамгын газар, Их хурлаас чиг өгөхийг  хүлээж байна” гэв. Ямар чиг байсан наадмын өмнө хуулийн дагуу А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт дархан аварга цолыг нь өгөх байх. Тэгвэл Сүхбат аварга хэлсэн амлалтдаа хүрч төрийнхөө наадамд зодоглох болов уу. Хэрвээ аварга зодогловол цолныхоо эрэмбээр зүүний магнайд босох юм. Үндсэндээ наадмаар зодоглох 512 бөхийг магнайлж дархан аварга хэмээн цолоо дуудуулна аа.  

Н.Гантулга

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дуудлага

Монгол хүн ядуу байж чад­на, хоорондоо эвтэй болон эвгүй ч байж чадна. Харин уяан дээр үүрсэн эзнээ хүлээх аргамаг хүлэггүй байж чадахгүй.  Монгол хүн эрх чөлөөгүй, шударга ёсгүй байхыг цаг нь иртэл тэсэж чадна, харин дуртай үедээ хэрэн одох эрхгүй байж чадахгүй.  Монгол хүн бусдын эрхшээлд байхыг даваад гарч чадна, харин дуртай газраа гэрээ барих боломжгүй байж үл чадна.

Дуртай газраа ханаа дугуйлж, дуртай зүгтээ, хүссэн цагтаа давхин одох эрх чөлөө, хүлэглэн ухасхийх унаа морийг нь монгол хүний гараас хэн ч булааж дийлээгүй.  Манжийн төр ч тэр, зөвлөлт засаг ч тэр, нэгдэлжих хөдөлгөөн ч тэр. Өнөөдөр бүгд машинтай, тэр тусмаа жийптэй болохыг хүсдэг нь дуртай цагтаа хүлэглэн одох унаатай, бүр сайн унаатай байх зөнгийнх нь илэрхийлэл.

Өвөг дээдэс нь “Аавын бийд хүнтэй танилц, агтын бийд газар үз” гэж гэрээслэсэн юм. Тийм болоод  тулгар төрийн эцэг Чингис хааны бийд Өмнөд Хятадаас Герман хүртэл үндэстний хүн зоныг танин, хоёр загалын бийд Шар тэнгисээс Адриатик тэнгис хүртэлх газар орныг үзсэн.    

Аялан одож олоогүй болгон үнэ цэнэ багатай. Монгол хүн  эрдэм боловсролыг ч хамгийн алсаас, анх ундарсан уурхайгаас нь очиж сурахыг эрхэмлэнэ. Өндөр гэгээнээс эхлээд гэгээн хутагтууд Шарын шашны өлгий Лхас-т очиж сурна. Шинэ үеийн сэхээ¬тэн Д.Нацагдорж, Д.Нам¬даг нарын үеийнхэн Парис, Берлинийг чиглэн “Алс газар сурахаар одож” байлаа.  Дараа үеийнхэн Сансрын нисгэгчийн хөтөлбөрөөс эхлээд барилгын өрлөгчин хүртэлх өргөн хүрээнд ном үзэхээр Зөвлөлтөд явж байв.  Шинэ цагийн зүйр үгс болох “Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан”, “Орос хэл оньсон техник сурах” гэхчлэнгийн хэллэг харь оронд эрдмийн мөр хөөн одохуйн утгатай. Шинэ үеийн сэхээтний түүчээ, яруу найрагч  Д.Нацагдорж “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн” ирэхийг захисан байдаг.

Монгол ээжүүд үр хүүхдэдээ “Айлаас эрэхээр авдраа уудал” хэмээн учирлан сургах боловч эхийнхээ үгийг хичээнгүйлэн сонсох хөвүүний сэтгэлийг уяан дээр шаргих амгай дорхон нь урвуулан эргүүлнэ.  Ном суртлаар далайлган “Танихгүй  бурханаас, таньдаг чөтгөр дээр” гэж номлоод ч хэрэн хэсэх зоригийг нь мохоож чадахгүй.  Бие нь гэртээ байвч сэтгэл зүрх нь уужим талаараа нисэн давхих үр хүүхдийнхээ сэтгэлийг нэгэнт барьж дийлэхгүйг хүлээн зөвшөөрөөд  “усыг нь уувал, ёсыг дагаарай” хэмээн захижээ.

Исламын орныг нэгтгэн Ил хаад хэмээх бүлэг улс байгуулан он удаан тогтсон монгол хаад усыг нь ууснаас хойш ёсыг нь даган лал шашинт¬нууд болцгоожээ. Юань гүрнийг байгуулаад  суурин орныг суурин захира¬хаар шийдэж, Хятадын дунд орж амьдарсан Хубилай хаан байна. Хубилай хаан суурин амьдралыг сонгосон ч гэсэн ногоо соёолж, алдуул хүлэг нутаг усандаа гүйх цагаар, дураараа сэлгүүцэн давхиж асан тал нутгаа мөрөөдөх сэтгэлээ барьж дийлэхээ болино. Ингээд Юань гүрний төрийг ачаалан нүүдэл хийж Шанду-д ирж зусаад, намар шувуу буцахын цагт Дайду хотдоо өвөлжөөлөхөөр буцна. Шанду нь хоёр талаараа нүц­гэн уулс хүрээлсэн хөндийгөөр ногоон зүлэг эмжээртэй гол мяралзсан, Их Монгол гүрний нийслэл Хархорум оршдог Орхоны хөндийг санагдуулам нутаг юм билээ.

Түрк улсад суралцахаар очсон монгол хөвүүд нутгийн өвгөнтэй ярилцжээ. Тал нутаг, Орхоны хөндий, Культегиний хөшөө сэлтийн тухай сэдэв өвгөний сэтгэлийг учиргүй хөнджээ. ХХ зуунд тэд ургийн овог авч эхлэхэд олон хүн Орхон, Туул гэхчлэнгийн овог  авсан тухай хуучилна. Өвгөн ярьж дуусаад “Хөвгүүд энд ямар хэргээр ирээ вэ” гэж асуусан байна. Тэд дээд боловсрол эзэмшихээр ирс­нээ хэлтэл “Танайд дээд сур­гууль байдаггүй юм уу” хэмээн гайхсан гэдэг. Уул нь тэд ч мянганы тэртээд тал нутгаа орхин одоод, лалын нутагт Түргийн хэмээх импе¬рийг байгуулан усыг нь уусан газрынхаа шашин номд орсон бөлгөө. Харин хэрэн одох хүслээ хаа нэгтээ гээснээс зайлахгүй. Энэ хүсэл гээгдэхийн хэрээр хүмүүнийг тал нутагтай уясан аргамжаа тайлагдан алдуурах билээ.

Өмссөн зүүсэн нь ч гэсэн хол газар одсоны гэрч байхад монгол хүн таатай.  Гадаад  холын гархиар ч болов эмээ¬лээ гоёсон хүн хол явдаг, үгүйдээ холоос юм авчирч чаддаг эрхэм нэгэн болж харагдана. Өнөөдөр бидэн алдартай брэнд, хол газрын үнэтэй цайтай юманд дуртай байдаг нь үүний л үргэлжлэл. Одоогийн бидний зан чанар бол төрөлх араншингийн маань үргэлжлэл, араншин маань мянганаар тоологдох он жилийн уртад оршин амьдарсан ахуйгаасаа эхтэй билээ.

Гадаадад явах дуртай, бас яаран яаран ирэх дуртай. Учир нь бидэн шиг хэрэн одох соёлгүй улсын дунд байх хэцүү. Аялал жуулчлал гэдэг бол монгол хүний дураараа хэрэн олох хүслээс ангид эд. Хэдийгээр холын газар орныг үзэх боловч очих, ирэх, унтах, идэх нарийн хөтөл­бөртэй. Очмоор боло¬хоор очоод, жолоо­гоо өөр тийш эргүүлмээр бодог­дохоор эргүүлж,  буцмаар санагдахаар буцдаг монгол хүний зан араншинтай харш. Тийм болохоор харихаас өөр яах билээ?

Тэр ч бүү хэл иргэншин суурьшихаар ирсэн орон хот­доо замын дүрэм баримтлах, хотын захиргааны заасан газарт хашаа хатгах дургүй. Аялан одогч монгол морьтныг “заа­вал, замын тэр салааг хөө”, “том хадны дэргэд зог­сож байгаад хөдөл”, шинэ нутагт буухдаа “тэр овгор дээр ханаа дугуйл” хэмээн зааварчилж байгаатай агаар нэг сонсдон нуугдмал эгдүүг нь хүргэдэг болоод тэр.

Юунд хүрэх, юутай тулга­рах нь тодорхойгүй тийм аян нь монгол хүний хужирхайг тэнийлгэн баясгана. Ерээд оноос амь зуулгын мөр хөөн ямар ч төлөвлөгөө, хөтөлбөргүйгээр өвгөдийн үеэс өнөөдрийг хүртэл ивээ¬сэн аян замын тэнгэртээ най­дан одогсод бол жинхэнэ монголчуудын араншингийн илэрхийлэл.

Хавар монгол хүн хамгийн их бухимдсан үе байдаг. Үүнийг янз бүрээр тайлбарлан “хав­рын синдром”, “монгол хүний улс төрийн идэвх сэргэх үе” гэхчлэн нэрлэдэг. Үнэн хэрэгтээ яадаг вэ гэхээр, хаашаа ч явж чадалгүй хэдэн сар хоригдсондоо бухимдсан үе нь. Бухимдахаараа  хөдөл­гөөнд орж төрийн хэргээс эхлээд олон улсын харилцаа, дэлхий дахины энх тайван,  Ойрхи Дорнодын хямралыг зохицуулах, цөмийн аюулаас хүн төрөлхтнийг аврах гээд бүхий л асуудалд идэвхтэй оролцож стрессээ хорооно. Өөрөөр хэлбэл уураа гаргах юм хайж байгаа хэрэг. ХХ зууны Монголын хамгийн том бослого 1932 оны хавар Монгол оронд дэгдсэн нь бас л учиртай. Улс төр хий­дэг улс ч энэ мөчийг анаж бай­гаад ашиглах дуртай. Мон¬голын төр ч гэсэн энэ зурвасыг ашиглан төрийн сонгуулиа хийдэг. Гэвч өдөр хоног тавигдан, хөх ногооны униар дэгдэхийн хэрээр, нутаг орон, хээр хөдөөг зорин гарах цаг боломж олдохын хэрээр хувьсгалын ажлаа орхино. “За хувьсгал ямар яваад өгөх юм биш. Дараа зав гарахаараа хийе” гэж ч мэднэ. Монгол  оронд зуны улиралд наадам л хийнэ үү гэхээс хувьсгал хийхэд хэцүү. Монгол найр наадам бол энэ саахалтаас тэр саахалт, энэ сумаас тэр сум руу шилжин хийгддэг хөдөлгөөнт баяр бөгөөд хүн ардынхаа аялан явж, адал явдал хайх төрөлх чанараас ургасан зүйл.

 Монгол хүн зуны цагт  хаанаас хаа хүрэхээ л бодо¬хоос өөр юуг ч тоохгүй. Төрийг нь хэн нэгэн эргүүлсэн мэдээ ирлээ ч төдий л тоохгүй байж мэднэ. Харин “За яахав, аандаа тэгж байгаад, өвөлжөөлсөн хойно нэг учир нь олдох биз” хэмээн тайван хэлнэ.  Хачирхалтай нь аандаа тэгж байгаад,  өвөлжөөлсөн хойно нь бүх юмны учир олдсоор ирсэн билээ.

Богд хаант Монгол Улс идэр есийн хүйтэн дунд тусгаар тогтнолын тугаа мандуулж байв. 1921, 1990 оны ардын хувьсгал, ардчилсан хувьсгалыг монголчууд өвөл­жөөндөө тухалсан хойноо л завчлан эхэлж, хаврын уур ормогц оргилд нь хүргэсэн бөлгөө.

Categories
мэдээ цаг-үе

Өнөө жилийн наадмаар хэн түрүүлэх вэ?

Түрүүч нь “Өдрийн сонин”-ы 149(4789) дугаарт

Өмнөх тэмдэглэлдээ
Б.Гончигдамба гарьд, Б.Пүрэвсайхан начин хоёр дээр ерөнхийдөө тогтож, Архангайн
Р.Пүрэвдагва, Ховдын О.Хангай нарын идэрхэн хүчтэнүүдийн талаар өгүүлсэн. Харин
эл удаа түрүүлэх магадлалтай хэд хэдэн бөхийг нэрлэе. Жагсаалтын эхэнд Ч.Санжаадамба
заан бичигдэнэ байх. Эхний тэмдэглэлийг уншсан хүмүүсээс “тэр түрүүлнэ” гэсэн мессеж
олныг авсан л даа. “Яагаад Санжаадамбыг бичихгүй байна, Санжаа л түрүүлнэ” гэх фэнүүд
нь их хандаж байна лээ. Мань хүн жилийн жилд л түрүү бөхийн тоонд зүй ёсоор нэрлэгддэг.
Гэвч ерэн жилийн ойгоор Ц.Содномдорж харцагатай тунаж, барилдаан нь будилж, Содномыгоо
уйлуулж, наадамчдыг олон цагаар чилээн байж долоо давснаас хойш олигтой барилдаан
гаргасангүй. Дараа жил нь буюу 2012 онд “бөхийн аранга” гэгддэг харцага Пүрэвжавыг
тавын даваанд амлаж хамгийн түрүүнд унаж байв. Тэр жил Санжаа үнэндээ онцгой байсан.
Монгол бөхийг Геннист бүртгүүлсэн зургаан мянга гаруй бөхийн барилдаанд торолгүй
түрүүлж, заал танхимын барилдаанд босоо байлаа. Гэтэл наадмаар өнөө бөхийн арангад
чинь сөхрөөд унаж байгаа юм. Буруу ам аваад тэр л дээ. Ер нь төрийн наадмын тавын
даваанд ам авна гэдэг бас амаргүй шиг билээ.

Жаран нэгэн онд Мөөеө
аварга улсын заан цолтой ид үедээ Дорнодын “хар” Дугарсүрэнг аваад унаж байсан бол
далан онд хоёр Мөнхийг эзгүй хойгуур Цэрэн аварга “өмсдөг” Дамдиндорж зааныг амлан
дархан өмсөх мэхэнд нь орж тархиараа газар шааж байсан түүх бий. Энэ түүх Санжаадамба
дээр давтагдсан хэрэг. Тэрээр өнгөрөгч жил тав даваад зургаагийн даваанд Төв аймгийн
Б.Батмөнх зааныг амлаад мөн л дархан хавирах мэхэнд нь шороодсон. Бас л буруу ам
авсан. Цаана нь Булганы Энхбат начингаас аваад Говь-Алтайн Цэрэнтогтох, Увсын Батсуурь
гээд амлаад барилдчих бөхчүүд байж л байсан. Яахав, манай хүн тэр жилийн цагаан
сарын барилдаанд Батмөнхтэй хүч үзэж, хөл дээр нь гишгэж түүнээсээ болж буруутан,
улмаар барилдах эрхээ хасуулсан удаатай. Уг явдал цээжинд нь хадгалаатай яваад л
байж, тэгээд даагаа нэхэж балрахгүй юу. Өнөө жил залуу заан төвөггүй гурав давна.
Харин дөрвийн давааны оноолтод Ховдын Хангайтай таарах магадлал маш өндөр байгаа. Цагаан сараар унасан шигээ бөгсөөрөө суучихвал байдал эвгүйтнэ. Гэвч харж л байхаас.
Хэрвээ тэр хоёр оноолт таарвал үнэн гоё  юм
болно. Бөхийн шуугиан тийнхүү дөрвийн даваанаас эхэлнэ. Хоёр жилийн өмнөх наадмаар
Өсөхөө аварга Сугаржаргал гэж аймгийн заанд, залуу аварга Мөнхбат “Увс нуур” галынхаа
бөх аймгийн арслан Бүрэнтөгст унаж, үндсэндээ зүүн, барууны магнай хоёр аварга хоёулаа
гурав даваад элэг бүсээ тайлж байлаа. Энэ жил ч ялгаагүй, дөрвийн давааны оноолт
зүрхшээмээр таарах нь дамжиггүй. Зүүн, барууны магнай гэснээс энэ жилийн наадам
их олон сюрпризээр дүүрэн байх магадлалтай болоод явчихлаа.

Р.Гончигдорж тэргүүтэй
гишүүдийн санаачилгаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж далай
аварга цолыг албан ёсоор хассан. Тэгэхээр хуулийн дагуу даян аварга Г.Өсөхбаяр,
А.Сүхбат нар дархан аварга цолны болзлыг хангаж байгаа. Наадмын өмнөхөн төрийн тэргүүн
зарлиг гаргаж дээрх хоёр аваргад цолыг нь олгох болов уу. Тэр жил наадмын урьд өдөр
А.Сүхбатад даян аварга цолыг хуулийн дагуу олгож байсан. Түүн шиг хоёр аваргад дархан
аварга цолны үнэмлэхийг гардуулах байх. Хэрвээ Сүхбат дархан аварга болох юм бол
зодоглоно гэсэн яриа байгаа. Аваргын ойр тойрныхноос ч ийм ярианы сэжүүр дуулдаад
байна. Олны үг оломгүй далай гэгчээр  уг яриа
хөөрөө үнэн болж ард түмний хайртай аварга зодогловол наадмын сценари төлөвлөгөө
өөрчлөгдөнө. Баянаа, Мөөеө хоёр жараад оны дунд үеэс хоёр мянгаад оны эхэн хүртэл
наадмын дэглэлтийг тус тусдаа хийж байсан шиг Өсөхөө, Сүхбат хоёр Монгол Улсын дархан
аварга хэмээн зүүн, барууны магнайд цоллуулаад, мөн л өөр өөрсдийнхөө төлөвлөгөөг
боловсруулна. Сүхбат аварга наад зах нь долоо давна даа. Гурав, тав, зургаагийн
даваануудад шавь нараасаа хүртэнэ байхЕрэн дөрвөн онд Мөөеө
аварга хөдөлмөрийн баатар цол хүртээд тэр жилийн наадамд 53 насандаа зургаа давж
байсан. Тавын даваанд Хэнмэдэхийн Амарааг, зургаад Хэнмэдэхийн Түвшинсанааг орхиж
байлаа. Үндсэндээ алдарт уяачийн хоёр хүүг өвдөглүүлэн долоогийн даваанд өөрийн
шавь Ринченхүүгийн Гансүхийг амлан заан цолонд хүргэж байсан. Түүн шиг Сүхбат аварга
долоогийн даваанд яадаг бол. Даваабаатарыгаа хүчээр зургаа давуулаад заан цолонд
хүргэнэ гээд үзчихдэг болов уу. Өнөөх нь дөрвийн давааны нугалаанд явчих магадлалтай.
2012 онд гурав даваад Өвөрхангайн Т.Санчирт, өнгөрөгч жил мөн гурав даваад Увсын
С.Батсуурь начинд унасан. Сүхбат аварга маань цагаан хоолтон боллоо гээд нэг хэсэг
баахан “гэгээрсэн” дуулддаг. Харин сүүлд мах шөлөө идэж уугаад бие хаа нь ч товир
сайхан болоод ирснийг хэн хүнгүй мэдэж байгаа. Бэлтгэл сургуулилтаа бол тасалдаггүй
юм гэдэг шүү. Хоёр жилийн өмнө байна уу даа, “Монголын топ-100 залуу улстөрч”-ийн
нэгээр тодорч шагналаа гардах үед нь уулзахад “Залуу аварга Мөнхбат надтай хамт
бэлтгэл хийж байгаа” гэж байсан. “Олимп” дэвжээндээ шавь нартайгаа, үндэсний бөхийн
залуу хүчтэнүүдтэй ир бяраа сорьж  өөрийнхөө
багцааг мэдэрдэг байна. Арав гаруйхан хоногийн дараа эхлэх наадмын дэвжээнд  “жижиг” аварга өнөө л хүрэн тэрмэн дээлтэйгээ
зодог шуудгаа бүсэлчихсэн орж ирээд, ард түмнийхээ хайр хүндэтгэл дор зүүний магнайд
дэвэн дэлсээр гараад ирвэл ч сайхан даа. Бөхөд дуртай олны бах нэгэн ханах байх
даа.

Сүхбат аваргын тухайд
ийм байна. Одоо түрүү үзүүрт яригдаж байгаа бөхчүүдийн дарааллыг үргэлжлүүлэн хүргэе.
Санжаадамбын удаад Содномдоржийн нэр зүй ёсоор бичигдэж таарна. Тэрээр яалт ч үгүй
энэ цагийн өнгө болсон хүчтэнүүдийн нэг. Бие хаа гэж зорчихсон, зурчихсан юм шиг
сайхан. Охид бүсгүйчүүдийн харцыг эрхгүй булаадгийг нь хэлэх хэрэгтэй. Харин сүүлийн
хэдэн жил нэг л санасандаа хүртэл барилдаж чадахгүй байгаа. Өөрийг нь дэмждэг, өндөр
цолонд хүрчихээсэй гэж хүсэн хүлээдэг олны итгэлийг хөсөрдүүлээд л байгаа. 2011
онд долоогийн даваанд Санжаадамбатай будилж наадмын дэвжээнд нутгийн ах, нэг галын
бөх Х.Мөнхбаатар арслантай хамт суулт зарлаж, олны өмнө эхэр татан уйлж байсан харцага
дараагийн хоёр жилд хоёуланд нь тавын даваанд унасан.

Увсын  Ө.Бат-Орших, Төв аймгийн Б.Батмөнх нарт тахим
өгсөн юм. Өнөө жил бас маапаантай байгаа. Цагаан сараар Гончигдамбын гарыг илт хөшсөнөөс
болж барилдах эрхээ хасуулсан. Бөхийн дэвжээнд байж боломгүй үйлдэл нь түүний нэр
хүндийг ихээхэн унагаж, олон ч хүний хараалыг идсэн дээ. “Бөхийн холбоо барилдах
эрхийг нь ядахдаа хоёр жилээр хасаач” гээд л хэн хүнгүй орилоод байсан. Цагаан сараас
хойш бөхчүүд Содномтой барилдахдаа машид анзааргатай болсон харагдана лээ. Гар хурууг
минь хугалчих вий, сээр нурууг минь гэмтээчих вий гэж болгоомжилдог болж, зөв л
дөө. Тэгэхгүй бол манай хүн инээж байгаад баллана, сураагүй юм биш. Түүний хувьд
тавын давааг л гэтэлчих юм бол цойлоод гараад ирэх магадлалтай. Тавын даваанд Пүрэвсайхан,
Пүрэвдагва, Булганы Энхбат, Өмнөговийн Одбаяр, Өвөрхангайн Сугаржаргал нарын начингууд
Хэнтийн Оюунболд харцага нараас ам авна.

Ноднин Батмөнхийг
аваад буруудсан шиг буруу ам авчихгүй бол тав давна. За тэгээд зургаагийн даваа
асуудалгүй. Шинээр начин болж хөөрөл нь дарагдаагүй байгаа нөхдөөс нэгийг нь амлаад
шороодуулчих байх. Ингээд долоогийн даваанд Санжаадамбатайгаа тунана даа, өөр аргагүй.
Тэр хоёр олон ч тунаж байсан, ихэвчлэн Санжаа нь давдаг. Өнөө жил таарвал ямар барилдаан
гарахыг таашгүй. Санжаа заан дайрдгаараа дайраад л, Дүвчин багшийнхаа заасан хөл
мэхүүдийг тулгуухан хийгээд туушиндчихна биз ээ. Гол нь Санжаа Содномоосоо болгоомжлох
нь зүй. Хамаа замбараагүй дайрч байгаад уурыг нь хүргэж гар хуруугаа хөшүүлэх вий.

Д.Бумбаяр заантай
саяхан уулзахад түрүүлэх магадлалтай бөхчүүдэд Содномдорж, Гон­чигдамба, Мөнхбат,
Бүрэнтөгс, Санжаадамба нарыг нэрлэсэн. Монгол бөхийн дэвжээнд зургаан залуу зааны
үед ид гарч ирсэн хүчит зааны үг ончтой байж таараа.

Өнөө жил Увс аймгийн
галыг Баянмөнхийн Гантогтох гарьд ахалж байгаа. Балжаа аваргын нууц төлөвлөгөөг
үргэлжлүүлж буй Ганаа гарьдад бодсон юм байгаа. Ааваасаа асууж, зөвлөлдөж буй нь
ч мэдээж. Сүүлийн гурван ч жил дараалан төрийн наадмын түрүү хүртсэн, бөхийн өлгий
болсон Увс нутгийнхны галыг Баянаа аваргын хүү ахалж байгаагийн хэрэг юу билээ.
Бас нэг түрүү гэж л ярина. Мөнхбат аварга, Бүрэнтөгс арслан хоёроос гадна Увс аймгийн
Ховд сумын харьяат Намсрайжав харцагын хүү Батсуурь гэж харцага цолтой залуу бий.
Түүнийг их дээшээ барилдах болов уу гэх таамаг манайханд байгаа. Хэнээс ч бэргэж,
хулчийдаггүй, эрс шийдэмгий барилдаантай залуу харцагыг түрүү үзүүр булаалдах гээд
хоёр Дамбын нэгтэй, эсвэл Содномтой, өөр хэнтэй ч юм бэ дээ зогсож байхыг үгүйсгэх
аргагүй. Түрүү жил аварга цол зүүдэлж ирсэн Бүрэнтөгсийгөө дөрвийн даваанд шороодуулж
өгөөд тавын даваанд харцага Т.Өсөх-Ирээдүйг, зургаад Говь-Алтайн Л.Цэрэнтогтохыг
тунаж даваад долоод Б.Батмөнх заантай тунаж барилдаад унасан. Төрийн наадмын зургаа,
долоогийн даваанд дараалж тунана гэдэг шийртэй аавын хүү гэдгээ харуулж буй явдал.
Батсуурь тийнхүү харцага болчихоод дараахан нь Завхан аймгийн 90 жилийн ойд очиж
Гончигдамба гарьдтай түрүү үзүүр булаалдаж байсан. Тэрээр удамтай бөхчүүдийн нэгэн.
Аав нь улсын харцага цолтой бөх. Аавынх нь ах Гилэгийн Даваасамбуу гэж улсын начин
бий. Наян хоёр онд Жамбалын Хайдав арслангаар тав давж улсын цол хүртэж байлаа.
Тэгвэл өвөө нь Жотойн Гэлэг гэж улсын начин цолтой бөх байжээ. Тавин оны наадамд
гэдэг шиг санагдана, Шаравын Батсуурь аваргыг ид үед нь өвдөглүүлж начин болж байсан
түүхтэй юм билээ. Тэгэхээр Батсуурь гурван үеэрээ барилдаж байгаа бөх юм. Өлзийсайханы
Эрдэнэ-Очир арслан шиг л бөх юм даа. Жаахан хүүхэд томчуудын аманд гарч байх үедээ
хэзээний билээ дээ цагаан сарын барилдаанд Өсөхөө аваргыг дөрвийн даваанд өвдөглүүлж,
Бөхийн өргөөнд цугласан олны хөөрлийг дээд цэгт нь хүргэж байсан. Сумогийн их аварга
Асашёорюү Д.Дагвадоржийг төрийн наадамд зодоглоно хэмээн сэвж явахад хандыг нь хага
дарсан аавын хүү дээ. Тэр тухай өмнөх тэмдэглэлд өгүүлсэн билээ.

“Увс нуур” галынхан
Мөнхбат аваргаа дээшээ явна гэж харж байгаа. Мөнхбатын хувьд түрүү дахиад байж л
байгаа. Далай аварга цол хасагдчихсан, ахиад хоёр түрүүлэхэд дархан аварга цолонд
хүрнэ. Тэгэхээр мань эр их л нигууртай үзнэ дээ. Өсөхөө, Сүхбат аваргууд зүүн барууныг
магнайлбал манай хүн сүрд дарагдаж магадгүй юм. Гэвч аварга аваргаараа төрдөг гэж
сайхан үг бий шүү дээ. Мөнхбатад, Эрхэмбаярт ч ялгаагүй дөрвийн давааны оноолт гэж
тааварлах аргагүй хэцүү юм байна. Тэр жил Ц.Цэрэнпунцаг гарьд Увсын Элбэгбаяр гэж
залууд гурвын даваанд унаад өнөөх чинь дөрвийн даваанд Д.Цэрэнтогтох аваргатай оноолт
таараад давчихаж билээ. Уул нь Цэрэнтогтох аварга дөрвийн даваанд учраа таарах бага
цолтой залууг Өвөрхангайн Ганбаатар арслангаар гурав давуулаад байсан. Гэтэл Пунцагаа
гэж золиг гурвын даваанд залуу бөхөд тахимаа өгч Цээнээ аваргын төлөвлөгөөг будлиулж
байсан. Энэ мэтчилэн дөрвийн давааны оноолт урьдчилан тааварлах аргагүй байдаг.
С.Мөнхбат аварга ерэн жилийн түүхт ойн түрүү хүртсэнийхээ дараа жил нь дөрвийн даваанд
Бүрэнтөгст унаж байсан. Өнөө жил яах юм байгаа. Өвөрхангайн аймгийн начин Хүрэл-Очирын
Гантулга, Ховд аймгийн Зэрэг сумын бөх аймгийн харцага Баярхүүгийн  Бат-Өлзий, Баянхонгор аймгийн харьяат аймгийн
заан Нацагсүрэнгийн Золбоо гээд хэдэн яггүй “аваргууд” бий. Тэд дөрвийн давааны
оноолтод аварга, арслангуудтай таарна. Эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны
ойн чансаа өндөр 128 бөхийн барилдааны хоёрын даваанд аймгийн харцага Бат-Өлзий,
арслан Бүрэнтөгсийг ганцхан дайрчихаад л яваад өгсөн. Наадмаар таарвал тун эвгүй.

Дээшээ барилдах магадлалтай
бөхчүүдийн тоонд Булган аймгийн Могод сумын харьяат улсын өсөх идэр начин Эрдэнэбилэгийн
Энхбат орж байгаа. Тэрээр жин багатай ч тун чиг уран барилдаантай нэгэн. Саяхан
даа, зургадугаар сарын эхээр болсон Чингэлтэй хайрханы хишиг 256 бөхийн барилдаанд
Энхбат начин Архангайн Пүрэвдагва, Төв аймгийн Батмөнх гээд энэ цаг үеийн шилдэг
хүчтэнүүдтэй тунаж орхиод түрүү үзүүрт Эрхэмбаяр аваргаа гарын үзүүрээр хөнгөхөн
аргалчихаад л түрүүлчихнэ билээ. Наадмаар дээрх бөхчүүдтэйгээ хүч үзэж бүгдийг нь
хаяад нимгэн хээр үрээ нүүрэнд гараад ирдэг шиг долоо, наймын даваанд зогсож элбэгхэн
чадах хүн дээ. Начин цолоо гурван удаа батлаад байгаа эрэмбэтэй бөх одоогоор байхгүй
байх. За тэгээд Өмнөговийн Одбаяр гэж хэцүү “амьтан” байнаа, тавын давааны тунаанд
л очно. Увсын Төрөөгийн Баасанхүү гэж аварга, арслангуудын баруун зүүн сугаар ороод
гараад явчихдаг ёстой нөгөө манайхны хэлдгээр барьцгүй  бөх бий. Аймгийн цолтой байхдаа “Нутгаа дуурсгана”
бөхийн шилдэг дэвжээ шалгаруулах хүчтэнүүдийн барилдаанд хамгийн олон давсан бөхөөр
тодорч байсан. Түрүү жил өөрөөс нь хамаагүй өндөр Ганбаатар гарьдтай дөрвийн даваанд
таарч, суганд нь хэд хэд эргэж байснаа тонгорчихоод яваад өгсөн. Өнөө жил бас л
шуугиулж таарна. Баасанхүү шиг аварга, арслангуудын зүрхэнд шар ус хуруулсан хатуу
боорцгуудыг нэрлэж барахгүй ээ. Хэний ч санаанд ороогүй залуу хүчтэн цоройгоод гараад
ирэхийг ч үгүйсгэхгүй. Өнөө жилийн наадам дуулиан шуугианаар дүүрэн болно доо.

 Н.ГАНТУЛГА         

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Тэсийн голын хүчтэнүүдийн манлай Дамирангийн БУМБАЯР

Монгол Улсын хүчит заануудын нэг Дамирангийн Бумбаярынд өнжлөө. Урьд­¬чилан тохирч, ярьж зөвлөлдсөний дагуу Бумаа зааныг Төр хурхын аман дахь наадмын бэлтгэлээс нь авчирч, Увс аймаг руу алба ажлаар явах гэж байсан гэргийнх нь нислэгийг түр хойшлуулж юм юм л болоод авсан. Наадам найр дөхсөн энэ өдрүүдэд олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүчтэнийд өнжье гэх бодол төрөх нь дамжиггүй. Тэгээд Бумбаяр зааныхыг бараадъя гээд зүтгэчихсэн нь энэ л дээ. 

“Их Монгол” хороололтой хаяа зэргэлдээ “Crystal town”-ы гэрт нь очлоо. Аавтай нь андуурам өндөр биерхүү охин хаалга тайлж өгөв. Заан бэлтгэлийн хувцастай том өрөөнийхөө  хойморт ханайтал сууж байна. “Аа миний дүү хүрээд ирэв үү. Би чиний өмнөхөн орж ирээд байна” гэв. Энэ сацуу гэргий нь нөгөө өрөөнөөс орж ирлээ. Бумаа зааны гэргий Цогтоогийн Одонтунгалагийг манайхан “Автобус-1” компанийн захирал гэдгээр нь мэднэ. Саяхан даа, автобус баазынх нь жаран жилийн ой болж, ойн нэрэмжит бөхийн барилдааны хүндэт зочдын индэрт тод өнгийн цэнхэр дээлтэй бүсгүй нүдээрээ инээмсэглэн суусан нь Тунгаа захирал. Тэрээр Баянгол дүүргийн Ардчилсан намаас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон нэгэн. Үндсэндээ “Нийслэлийн Засгийн газар”-ын кабинетийн гишүүдийн нэг. Идээ цагаа болох зуур гэрийн эзэнтэй наадмын бэлтгэлийнх нь талаар ярилцаад авлаа. 

Бумаа заан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Биеийн тамир, соёлын төвийн даргын албатай учир тус газрын бөхчүүдээ ахалж Төр хурхын аманд бэлтгэлд гараад байгаа аж. “Цолтой бөхчүүд маань бүгд аймаг аймгийнхаа гал руу явчихсан. Хэдэн үрээхэн “морьд”-той л би зууралдаж байх шив дээ” гээд хүд хүд инээж байлаа. Гэрийнх нь хоймрын шүүгээний дээд талд давхарласан судар ном харагдана. Түүний доод талд зааны улаан залаа бүхий хоёр ч малгай нүднээ тусах аж. “Та сүүлд шинэ малгай хийлгэжээ дээ” гэхүйд, “Намайг заан болдог жил аав ээж, ах дүү нар нийлж оройг нь мөнгөөр чимэглэсэн энэ малгайг хийлгэж бэлэглэсэн юм. Барилдахдаа заан цолны дүрс бүхий тэмдэгтэй хуучин малгайгаа өмсдөг. Харин хүндэтгэлийн ёслол юм уу, гангараанд шинэ малгайгаа өмсдөг” гэлээ.  

Зурагтны дээд талын тавиур дээр хоёр буурлынхаа зургийг залсан байна. Нэг нь Тунгаа захирлын аавынх нь хөрөг аж. Нөгөө нь Бумаа зааны өвөөгийн зураг ажээ. “Манай хүн чинь өвөө эмээ дээрээ өссөн шүү дээ” хэмээн гэргий нь тодотгосноо “Өвөөгийнх нь ном эрдмийн хүч байдаг биз ээ. Манай гэр бүл тэгш сайхан явна. Өвөр дээр нь эрхэлж өссөн хүү нь төр түмний хайртай бөх боллоо. Бумаа их шүтлэгтэй. Мэргэн өвөөгөө, Баянаа багшаа, аав ээжээ, ус нутгаа дээдлэн шүтнэ” хэмээн өгүүлэв. Хоймрынх нь шүүгээний өмнүүр эргэлдэн энэ тэрийг сонирхох зуураа гэргийнх нь хэлсэн дээр дөрөөлөөд “Баянаа багшаа шүтнэ гэснээс таныг чинь сумандаа тракторын жолооч байхад “Бөх болох хүү байна” хэмээн Баянмөнх аварга хотод авчирсан гэдэг” гээд асуугаад авлаа. Заан “Өө тийн” гэж айван тайвуухан хэлээд “Энэ түүхийг хүмүүс ер нь мэддэг юм” хэмээн цааш өгүүлсэн нь энэ. “Наян зургаан онд миний бие аравдугаар ангиа төгсөөд илгээлтийн эзэн болж Тэс сумынхаа тэжээлийн аж ахуйд тракторчноор ажиллаж байлаа. Хүүхэд байхын л барилдах дур сонирхолтой. Барилдаан бүгдэд л оролцдог байсан.  Аав ээжийн талд бөхийн удамтай. Аав маань аймгийн заан цолтой, Баруунтуруун суманд долоон удаа түрүүлсэн бөх.  Авга ах Юнрэн мөн аймгийн цолтой, сумын наадамд 19 удаа түрүүлсэн байдаг. Наян найман оны гуравдугаар сард Баянаа аварга Увсад очихдоо Тулгаа заан, Төрмөнх начин нараас “Бөх болчихоор ирээдүйтэй хүү байна уу” гэхэд нь, тэд намайг заагаад өгчихөж. Тухайн үед багш маань Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаа өгчихсөн, бөхийн шинэ клуб байгуулахаар зорьж явсан юм билээ. Ингээд бага балчраасаа алдар сууг нь дуулж, биширч дээдэлж явсан домогт аваргатай уулзах хувь илгээлтийн эзэн бандид тохиосон доо. Миний гар хөлийг барьж, барилдааныг харж багагүй шинжсэний дараа “Их сайхан хүү байна. Чамайг дуудна шүү” гэчихээд яваад өгсөн. Хоёр сарын дараа “Бумбаярыг хот руу ирүүлнэ үү” гэх захидал Баянаа аваргаас ирж 1988 оны тавдугаар сарын 28-ны өдөр миний бие тракторын тос масло, шороо тоос ханхлуулсан залуу Улаанбаатарт бууж байлаа. Өвөрхангайн чөлөөтийн Баярсайхан, манай Намжилдорж, за тэгээд Сүхбат, Гантогтох биднийг цуглуулж бөхийн “Шонхор” клуб анх байгуулагдаж  байсан түүхтэй. Тэгж л залуучуудын шигшээ баг бүрдэж байлаа. 

Наян найман онд ирснийхээ дараа тэр жилийн наадамд зодоглолоо. Хоёр давчихдаг юм байна. Гурвын даваанд хэн авдаг бол гээд сууж байтал, Бат-Эрдэнэ заан авлаа хэмээн дуулдлаа шүү” гэж Бумаа заан Баянаа багшаасаа улбаалаад анх зодоглосон наадмынхаа хуучийг дэлгэх нь тэр ээ.  Амнаас нь гарах үг бүр нь сонин сайхан хийгээд монгол бөхийн домог болсон аваргуудтай холбогдож, энгийн нэг түүх сөхөхдөө хүртэл энгүй хүчтэнүүдийн алдар замналыг хүүрнэх нь бахадмаар. Энэ л үүх түүх, он жилүүд нь Дамирангийн Бумбаяр гэж хүнийг улам тодотгож байлаа. Баянаа аваргын урилгаар хотод ирж, Бат-Эрдэнэ аваргатай төрийн наадамд анх таарч, Сүхбат, Гантогтох нарын идэрхэн хүчтэнүүдтэй ах дүүгийн барилдлагатай явж, “Залуу зургаан заан”-ы түүхийг бичилцэж, Сүхбат, Өсөхбаяр аваргуудын залгамж халаа Сүхбаатарын Мөнхбат залуу хүчтэнүүдийг өөрийнхөө галаас төрүүлсэн гээд Монгол бөхийн хичнээн ч үе Бумбаяр заантай холбогдож байгаа юм бэ дээ, бүү мэд. “Наян найман он бол Бат-Эрдэнэ аваргын түрүүлдэг жил. Үндсэндээ бөхийн дэвжээнд түүний хаанчлал эхэлсэн үе нь. Гэтэл тэрхүү торгон зааг дээр та хүч үзсэн байх юм. Түрүү бөхтэй таарах ямар байв” хэмээн шалгаалаа. Заан нүдэндээ инээмсэглэл тодруулан гоёмсог модон хийц бүхий цагаан цэнхэр буйдангаа налж сууснаа “Түрүү бөхтэй таарсандаа маш их бэлгэшээж билээ. Нэг л сайхан санагдаад явчихсан. Барилдаан яаж өнгөрснийг  бараг мэдээгүй дээ. Их л хурдан өрнөж, их чанга унасан санагддаг юм” гэв. 

Заантай ийн хуучилж суутал бага охин нь зургийн цомгууд авчирч өглөө. Түүнд ээж нь хэлсэн бололтой. Одонтунгалаг эгч нөхрийнхөө хажууд ирээд суучихсан “Ойрд ингэхэд альбом ч үзээгүй юм байна ш дээ” хэмээн бага залуугийнхаа зургуудыг, нөхрийнхөө улсын цолонд дөнгөж хүрч байсан, бие галбир нь ёстой л зурсан, зорсон юм шиг явах үеийн зургуудыг үзэж суулаа. Мань хүн нэг хөлөө нөгөө дээрээ аччихсан таашаалтай нь аргагүй сууж харагдсан. Тэрхүү зузаан гэгч хэд хэдэн цомгийн наян хувь нь Баянаа аваргын зураг байна лээ.  

“Манайхан зургаан залуу зааны үе” гэж ярьдаг. Тэднийг гарч ирэхэд Доржсамбуу, Батзориг та хэдийн нөлөө их байсан даа” гэхүйд “Тэр зургаа биднээс арай түрүүлж заан болсон. 1994-1999 оны хооронд бүгд жил дараалаад заан болчихсон. Ерэн есөн онд Ганбат сүүлд болсон байх. Тэгээд 2000 оноос зургаан заан гэж яригдсан шүү дээ. Гэвч 2001 онд Доржсамбуу, Батзориг, Одгэрэл бид дөрөв заан цолонд хүрсэн. Дараахан нь манай Мягмарсүрэн заан болсон. Хэдий зургаан зааны үе гэж яригддаг ч бид хэд нэмэгдээд арваад зааны үе байсаан. Бид л хоорондоо тунадаг, нэгнээ амладаг байв” гэв. Бумаа ахын наадмуудыг манайхан сайн мэднэ. Хэн хэнээр хэзээ улсын цолонд хүрснийг хэлүүлэлтгүй мэднэ. Харин та хоёрын танилцсан түүх, хайр дурлал сонин байх болов уу гэж би гэдэг хүн палхийтэл асуугаад авлаа. Хоёулаа хэн хэн рүүгээ сүрхий харснаа инээд алдаж байна. “Заяаны хань зам дээр гэдэг үнэн юм билээ. Тэс суманд болох суварганы барилдаанд зодоглохоор Увс аймагт онгоцоор буутал яг зам дээр, өөдөөс тосч буй мэт алаг нүдэн охин ээж аавтайгаа ирсэн нь хань маань байсан даа. Надад анх чацаргана захиж билээ” гээд Бумаа заан гэргий рүүгээ юу гэж хэлэх нь вэ гэсэн янзтай харц шидлэв. Гэргий нь “Бумаа эхлээд одоогийнх шигээ ийм сайхан залуу харагдаагүй. Нүдэнд тусаагүй гэхүү дээ. Өндөр туранхай бор залуу л байсан. Барилддаг юм байна даа гэж анх бодож байлаа.  Ээж аавтайгаа Улаанбаатар орохоор онгоцны буудал дээр иртэл Бумаатай таарсан нь тэр. Харин чацаргана захьсан билүү, Тэс сум руу явна гэхээр тэгсэн байх л даа. Гэхдээ манай хүн чинь нутаг явж ирснийхээ дараа оюутны байранд манай нутгийн залуучуудтай уулзана гээд их ирдэг байсан” гэлээ. Энэ зуурт Бумбаяр заан “Би Бат-Очир болоод бусад хүүхдүүдтэй уулзах гэж очдог байсан нь үнэн. Гэхдээ тэднээр далимдуулж чамайг харах гэж очдог байсан байхгүй юу” хэмээн сая л нэг үнэнээ хэлэв үү гэлтэй инээмсэглэж суусан. 

Ерэн оны намар тийнхүү танилцаж, ерэн хоёр онд том охин нь төрж их сургуулийн оюутны байрнаас Бумбаярынх гэдэг айлын амьдрал эхэлжээ. “Бид хоёр гэр бүл болоод гурав, дөрвөн жил оюутны байраар явсан. Дараа нь түрээсийн байранд амьдарч байлаа” гэж Тунгаа эгч хоол унд болох зуураа хэлэв. Тэрээр залгуулаад ханийнхаа начин болсон жилийн наадмын дурсамжаас хуваалцсан юм. “Манай хүнийг начин болдог жил нь буюу ерэн гурван оны наадмаар Балжаа аваргын гэргий Мягмар эгч ягаан дээл хийж өгсөн. Наадмын бэлтгэл дээр нь очиж оёж өгсөн. Аваргын гэргийгээр хийлгэсэн дээлтэй очиж начин цолны тэмдэг энгэртээ зүүгээд ирж байлаа. Тэгэхэд манайх мөн л оюутны байранд. Хөдөө гадаанаас хүмүүс ирчихсэн, Бумаагийн найзууд гээд бөхчүүд ирчихсэн, оюутны байрны ганц өрөө чинь зай завсаргүй юм болно биз дээ. Манайхны хэлдгээр “Дүлий цагаан” дээрээ (плитка) зогсоо зайгүй цай хоол хийгээд халуун гэж жигтэйхэн, ирсэн зочдын хөлс нь урсаад ярих юм биш. Тэгж л начин цолныхоо найрыг хийсэн түүхтэй”  хэмээн ямар нэгэн хачиргүй дурсамжаасаа хуваалцлаа. “Оюутны байранд олуулаа тэгж бужигнаж байсан үе маань гоё байжээ. Хоёр хүүхэдтэйгээ дөрвүүлээ ганц умгар өрөөндөө багтаж ядаж байхад хөдөөнөөс хоёр гурван оюутан, Бумаагийн дүү нар ирээд байчихна. Одоо эргээд бодоход яаж болж байсан юм гэж санахаар. Гэвч болдог л байсан. Сүүлд бид хоёр хорооллын эцэст зургаан давхар байшин барьж түүндээ аав ээж, ах дүү нараа бүгдийг нь оруулсан даа” гэж гэрийн эзэгтэй өөх мах алагласан хонины хавирга сэлт чанан лавшаа хийх зуураа сонирхуулаад авсан. “Ганц өрөөнд олуулаа багтаж ядаж байсан бол одоо хэдэн өрөө том байранд хоёр, гурвуулахнаа л байж байна” гэснээ “Манай хүн чинь мах чанаж сайхан гэгч ясны шөл гаргаад лавшаа хийх дуртай. Элдэв янзын ногоо цагаа хэрэглэхгүй” хэмээн гал тогоо хавиас дуулгаж байв. 

Бумаа ах хэсэг хугацаанд чимээгүй сууснаа манай аав их мундаг хүн. Намайг бөхийн өндөр цолонд хүрэхэд их нөлөө үзүүлсэн. Миний сэтгэл зүйг их өөрчилж, хат суулгаж өгсөн гээд аавынхаа тухай ийн өгүүлсэн юм. Ерэн гурван онд тэрээр Довчингийн Нэгдэл начингаар гурав, Жамбалын Хайдав арслангаар дөрөв давж, 1963 оноос хойш төрийн наадамд зодоглохдоо тав бүү хэл, долоогийн даваанд цөөн унасан Хорлоогийн Баянмөнх аваргаар тав давж улсын цолонд хүрсэн билээ. Начин авчихаад аав дээрээ иртэл огтоос тоосон шинжгүй “За миний хүү, ус нутгийн минь бахархал болсон домогт бөхчүүдээр цолонд хүрлээ. Чи өөрийнхөө хүчээр начин болсонгүй. Цаашдаа сайн барилдаж энэ хүмүүсийн итгэлийг даах хэрэгтэй” гэжээ. Дараа жил нь Увс аймгийн харьяат улсын начин Нямжавын Мөнхжаргалаар тав давж өсөх идэр чимэг нэмэхэд аав нь мөн л баяр хүргэсэнгүй. Увсын бөхөөр давсан гээд тэр. Харин ерэн найман онд залуу заан Гэлэгжамцын Өсөхбаяраар тав давж гурвантаа шөвгөрөхөд нь машид баярлаж, одоо л миний хүү аавдаа улсын цолтой бөх болсон гэдгээ баталлаа. Гэхдээ чи ханах хэрэггүй, чамд заан цол элбэгхэн байгаа шүү гэж хэлж байсан удаатай гэнэ. 

“Манай Тунгаа миний хор шарыг их малтана аа” гэж гэрийн эзэн хэлээдэхэв. Сүхбат аварга, Гантогтох гарьд хоёр Бумаагийндаа гэр бүлээрээ ирчихсэн бүгд хөзөр тоглоод сууж байжээ. Ер нь үе үе тэр хэдтэйгээ нийлж хөзөр тоглож баахан инээлдэж, хөхрөлдөж байсан үеийнхээ дурсамжийг ярих дуртай юм билээ. Тийн хөзөрдөж байтал Тунгаа эгч “Бумаа чи, Сүхбат, Ганаа хоёроос биеэр хамаагүй том. Хэн ч харсан энэ хоёроос том цолтой бөх гэж бодохоор. Тэгтэл чи начин, энэ хоёр заан байдаг. Чамаас хамаагүй жижиг биетэй хоёр дүү чинь заан болчихоод чи ичдэггүй юм уу” гэх утгатай үг хэлж шарыг нь малтаж байсан гэдэг. “Би чинь өвгөнийгөө үе үе шургуу хийнэ шүү дээ. Тэс сумаас баахан л бөх байна. Арав гаруй начин байна. Энэ дундаас заан болчих магадлалтай хүн чинь чи биз дээ гэнэ. Манай хүн бас зөрүүдэлнээ, би ямар Тэс суманд төрсөн юм уу, Баруунтуруунд төрсөн гэж өөдөөс сөргөнө”. Ийм л яриа хөөрөө өрнүүлсэн шигээ бага охиноор нь чихэр жимс, ундаа жүүс дөхүүлүүлж, уран барилдаант ханагар заандаа ус нутаг, найз нөхдийнх нь дурсгасан эмээл хазаар, морин хуур, өөрийнх нь дүрс бүхий баримал, өөдөө цойлсон цалин цагаан морин цом зэргийг нь сонирхож, зузаан зузаан ботиуд шиг зургийнх нь цомгийг эргүүлсэн шигээ суулаа даа.

Бумбаяр заан эхээс наймуулаа юм билээ. Дүү нарынх нь нэг Монгол Улсын мэргэн Норжмааг манайхан мэднэ. Монгол сурын алтан зурхайд сум тавьж, төрийнхөө наадмын түрүүг хүртэн, төрийн тэргүүнийхээ зарлигаар улсын мэргэн цол хүртсэн нэгэн. Одоогоор улсад нэг түрүүлж, хоёр удаа үзүүр булааж хэд хэд шөвгөрөөд байгаа.  Увс аймгаас тодорсон анхны мэргэн гэдэг. Тэгвэл Норжмаа мэргэний дүү Баатархүү гэж аймгийн алдарт уяач залуу бий гэнэ. Аймаг, сумандаа айраг түрүү хүртэхээс гадна бүсийн даншиг наадамд мөн л түрүү, айраг хүртээд буй нэгэн ажээ. Бумаа ах Баатархүү дүүгээ улсын алдарт уяач болгох зорилго тавиад байгаагаа дуулгасан. Ийнхүү Увсын Баруунтуруун сумын унаган иргэн Дамиран гэж эгэл жирийн айлынхаас Монгол эрийн гурван наадам төрөөд байгаа ажээ. Үндсэндээ Баатархүү улсын алдарт уяач болох юм бол Дамиран гуайн гурван хүүхэд улсын заан, улсын мэргэн, улсын алдарт уяач болох өндөр хувь энүүхэнд байна. 

“Миний хань ижий ааваа машид хүндэтгэж хайрладгийн нэгэн илэрхийлэл бол энэ гэр бүлээс монгол эрийн гурван наадам тодорсон явдал. Норжмаа анх манайд ирээд охиныг минь хардаг байлаа. Адилхан бүсгүйчүүд учир миний бие түүнээс ямар мэргэжилтэй хүн болох вэ гэхэд, нум сум харвадаг харваач болмоор байна гэсэн. Тэгээд тухайн үед багагүй хэдэн төгрөг зарж байж Бумаа бид хоёр Норжмаад нум сум авч өгч байлаа. Одоо Баатархүүгээ улсын алдарт уяач болгоно гээд бас л энд тэндээс хурдан удмын адуу авч өгөөд зүтгэж байна” хэмээн гэргий нь хэлж байна. Сайхан хувь заяа гэхээс өөр юу гэх билээ. Дамиран гуай хөгшнийхөө хамтаар Бумбаяр хүүгийнхээ зургаан давхар байшинд хүүхдүүдийнхээ хамт, ач зээ нарынхаа “ангирын ганганаа” дунд тэнхлүүн аж төрж буй гэнэ. Зааных одоогийн байранд нүүж ирээд жил гаруй болж байгаа аж. 

Анх “Багануур” компаниас байртай болж байснаа гэр бүлийн хоёр баяртайгаар дурссан. Бумаа ах Багануурын уурхайн компанийн бөх болсон түүх нь сонин юм билээ. Тэрээр 1996 онд Увс аймгийн Хяргас сумын Цогт-Очирын Баянмөнхийг дагуулаад Багануур компани дээр, нутгийн ах Хөхөөгийн Балсандорж дээр яваад очиж л дээ. Баянмөнхийгөө тэдний бөх болгох санаатай очсон нь тэр. Баянмөнх нь ерэн таван онд Ховдын Батзоригоор тунаж тав давж начин болоод байсан үе. Балсандорж захирал Бумбаярын хүсэлтийг хүлээж аваад төд хоногийн дараа хариу өгнө, над руу утасдаарай гэжээ. Хэлсэн хугацаанд утасдахаар Баянмөнхөө дагуулан Төв шуудан дээр яваад очжээ. Тэгтэл “Манай хамт олон ярилцаад Баянмөнх начинг биш харин өөрийг чинь компанийнхаа бөх болгохоор боллоо” гэсэн хариу өгөх нь тэр. Хажууд Баянмөнх нь хараад зогсож байдаг. Тэр шийдвэрийг начинд хэлэхэд их хэцүү байлаа гэж Бумаа заан инээвхийлэв.  Түүнээс өмнө Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн менежерээр ажиллаж байсан Түмэнбаяр гэж бөхөд элэгтэй, Бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн гишүүн байсан хүн “том” Сүхбат гарьд, Бумбаяр хоёрын улаан фен нь байжээ. Тэгээд өөрийн компанийн бөх болгож, Бумаа зааныг сургууль соёлыг нь төгсгөж, улсын цолонд хүргэсэн ач буяныг мартдаггүй юм билээ. Мөн Дүгэржав гэж нутгийн ах, сүүлд овоглож барилдсан “Увс хүнс”-ийн хамт олноо ч дурсаад авсан.

Тэднийх хоёр охинтой. Том охин Шижиртуяа нь өнөө жил Их сургуулийн хуулийн ангийг төгсч байгаа аж. Саяхан хонхны баяр нь болж төв талбай дээр Бумбаяр заан гэргий, бага охиныхоо хамт очин том охиндоо цэцгийн баглаа барьж баяр хүргэжээ. 

Бага охин Идэрмаа нь мөн Их сургуулийн оюутан аж. 1994 онд аавыгаа өсөх идэр чимэг авахад төрсөн учир Идэрмаа гэж нэр өгснөө ээж нь сонирхуулж байсан. Тунгаа захирал Их сургуулийн хуулийн ангийг төгссөнөөсөө хойш хорь шахам жил өмгөөлөгч, нотариатчиар ажилласан байна. Төрсөн эгч Алимаагаа Тэс сумаас аймгийн Иргэдийн хуралд хоёр ч удаа төлөөлөгчөөр сонгогдоход нь хамт явж, дараа нь 2009 онд үйлчилгээний газраа АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржийн сурталчилгааны байр болгон бусад нөхдийн хамт зүтгэж зүрхнийхээ дуудлагаар улс төрд хөл тавьжээ. Аливаад чин шударга хандаж, хийж бүтээхийн тэмүүлэл, хэлсэн л бол түүндээ хүрнэ гэх чин эрмэлзэл зааны гэргийгээс илхэн харагдаж байлаа. Үнэхээр дайчин эрэмгий бүсгүй юм билээ. “Автобус-1” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрынхаа 700 гаруй ажилчдыг түүчээлэн яваа эмэгтэй. “Манай хүний дайчин эрэмгий, хор шартай чанар миний барилдааны амжилтад бас л нөлөөлдөг байсан. Ямар сайндаа л Сүхбат, Гантогтох хоёрын хажууд “Жижигхээн биетэй энэ хоёр заан болчихоод байхад…” гэж миний шарыг малтаж байхав дээ” хэмээн гэрийн эзэн яриан дундаа хэдэнтээ хэлээд авсан юм.  

Бумаа заантай хуучилж суухад гэргийгийнх нь утас зогсоо зайгүй хангинана. Ажлын газрынхан, Иргэдийн хурлынхан, Баянгол дүүргийнх нь сонгогчид, за тэгээд найз нөхөд нутаг усныхан гээд ярих хүн бишгүй бололтой. Харин Баянаа аваргын охин, Сүхбат аваргын хүүхдүүдийн ээж Баясаа ярьж таарсан. Тэрээр нөхөртөө “Баясаа ярьж байна” гэж дуулгаж байлаа. Гантогтохын гэр бүлийнхэнтэй ойр байдгаа дурсаж байв. “Сүхбат залуу эхнэртэй болоод өөр амьдрал зохиочихсон, Намжилдоржийн маань бие жаахан тиймэрхүү байгаа зэргээс ойрд уулзалдсангүй дээ” гэв. Ховдын Мөнхбаатар, Увсын Мөнхжаргал, Говь-Алтайн Баатар гээд начингуудтай гэр бүлийн найзууд ажээ. 

Тунгаа эгч хоёр охиныхоо өрөөнд хэсэг зуур удсанаа гарч ирэн “Ингэхэд эгч нь, Бумааг заан болох жил л төв цэнгэлдэх орсон гээд боддоо” хэмээн урт хар сормуусаа дэрвүүлэн нүдээрээ инээд алдсан юм. 

Хэн ч юм бэ дээ, нэг ахмад цолтой бөх л наадмын дэвжээнд нөхрийгөө дагаж очиж болохгүй, барилдаан гардаггүй гэсэн зүйл хэлчихсэн байгаа юм. Тэгээд л Тунгаа эгч дандаа гэртээ үлддэг, наадмын бэлтгэлээс ирэхэд нь тусдаа унтаж, хол хөндийхөн байдаг байснаа инээдэм наргиан болгож хэлсэн юм. 2001 оны наадмаар нөхөр нь “Миний хань хамт оч л доо. Алдар цолтой бөхчүүдийн гэргий нар хамт очоод болоод л байна”  гээд дагуулаад явсан гэдэг. Тэгээд тэр жилээ долоо давж хүсэн хүлээсэн заан цолондоо хүрчээ. Орой нь гэртээ бөөн баяр хөөр болон ирээд гэргий нь “Би хэдэн жилийн өмнө л хамт явдаг байж. Аль эрт цолонд хүрчихгүй юу. Намайг л хүлээгээд байсан юм биш үү” гэж тоглоом шоглоомын завсарт хэлж байснаа дурслаа. Харин энэ зуурт Бумаа заанаас Гантогтохоор долоо даваад тугийн мандал нулимстай тойрсныг нь асуулаа. 

“Долоогийн даваанд Ганаа намайг амлах нь гарцаагүй байсан. Шаагдаж ам авна гэдэг тэр. Өсөхбаяр, Сумъяабазар, бид гурваас ам сонсч байгаа. Гарахын өмнөхөн Ганаад хэллээ. “Ах нь өнөө жил л заан цолонд хүрэх найдвар байна. Миний дүү нэг юм бодохгүй юу” гэхэд өөдөөс “Бумаа ах аа, та мэдэж байгаа. Манай аав 50, 60 жилийн түүхт ойн түрүү авсан. Далан жилийнхийг Балжаа аварга авсан. Энэ жил би түрүүлэхийн төлөө барилдаж байна” гэдэг юм. Тэгээд л гарлаа. Хоёул үзлээ, би хонгодож дайраад давлаа. Сонин юм шүү. Монгол төрийн наадамд ааваар нь тав давж начин болсон бол хүүгээр нь долоо давж заан болох хувь надад байсан шүү. Яалт ч үгүй уйлчихсан даа. Өөрөө баярлахын зэрэгцээ түмэн олны хүсэл хүлээлтийг биелүүлнэ гэдэг маш том баяр бахдал байдаг юм билээ. Олон хүн баяр хүргэж баярласнаа илэрхийлж байсан”. 

Ийнхүү “Уур хүрмээр олон бөхтэй Увсын Тэс”-ийнхний хүчтэнүүдийн манлай Дамирангийн Бумбаяр заантай өдрийн турш хуучилсаар  үдшийн бүрийтэй золголоо. Өнөө жилийн наадмаар хэнийг харж байна гэхэд, Содномдорж, Гончигдамба хоёр дээшээ барилдана байх. “Увс нуур” галыг манай Гантогтох ахалж байгаа, ноднин би ахалсан. Мөнхбат аварга, Бүрэнтөгс нар түрүү бодож л байгаа. Санжаадамбыг хэлэхгүй өнгөрч болохгүй. Өнгөрөгч жилийн аварга  маань байна. Олон шинэ цолтон төрсөн сайхан наадам болно доо гэсээр хоцорсон юм.  

Н.ГАНТУЛГА    

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Далайд гарцгүй ч далай аваргатай улс байлаа гэж

-фельетон-

Саяхан УИХ хуралдаж монгол бөхийн “далай аварга” цолыг хүчингүйд тооцлоо. Далайд гарцгүй ч гэсэн  далай аваргатай байсан юмсан. Үнэн хэрэгтээ, Далайд гарцтай орнуудын холбоо(ДГОХ)-ноос манай гадаад яаманд эсэргүүцлийн ноот ирүүлж “далайд гарцгүй хэвтэж “Далай” гэсэн нэр хэрэглэн, бидний хэрэгт өнгөлзөхөө болихыг хатуу сануулъя” гэснээс хамаг хэрэг үүдэж.

Парламентын шийдвэрийн дагуу Иргэний бүртгэлийнхэн ч  шуурхай ажиллаж  иргэн “Далайхүү”-гийн нэрээс Монголд байхгүй их усны нэрийг хассанаар уг ажил цааш өрнөж. Иргэн гомдол гарган шүүхдсэн  боловч 

-Чиний нэрээс “Далай”-г нь хасаад “хүү”-г нь үлдээсэн нь багадаа  юу? Олон таван юм ярьдаг ийм чалчигнасан этгээдэд “хүү” гэдэг тодотгол ч зохихгүй байна. Иймд нэрийг нь “охин” болго гэсэн шийд гаргасан гэх.  Өглөө Далайхүү нэртэй гэрээсээ гарсан хархүү оройдоо “оргүйд орвол охинтой”  төдий амьтан харьсан түүх энэ болой.

Түүнчлэн  бөхийн цолноо нэр дурдагдаж буй “заан, арслан” манай оронд бий билүү? Хаанахын ямар орны амьтны нэрийг, ямар зорилгоор манай улсад  хэрэглэж байгаа билээ гэсэн  хардлага ч гарчээ. Түүгээр ч барахгүй “Муусайн Азийн эрлийзүүд монгол бөхөөс савраа тат” сэдэвтэй эсэргүүцэл хийгээд амжиж. Учир нь заан, арслан хоёр нь Монголынх биш боловч Азийн унаган амьтан юм байна.

Харин өөдрөг үзэлтнүүд “Богд хаан заан тэжээж, Улсын цирк арслантай байсан үе бий” гэсэн санааг хэлж байна. Гэвч олж ирээд тэжээе гэхнээ ч олдохгүй “гарьд” л хэцүү байна гэлцэв.

УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг ч бас өөрийн гэсэн байр суурьтай аж. Монгол бөхийн цолонд хүйсийн тэгш байдал алдагдаж ирснийг засах цаг болсон гэж тэд үзжээ. Иймд наадмын үндэсний бөгөөд жендерлэг шинжийг хангахын тулд “Эрслэн”, “эмзаан”, “өндөглөгчгарьд” цолыг зэрэгцүүлэн хэрэглэх хуулийн төслийг өргөн бариад байгаа аж.

Хүн нь эх оронсог байхын хэрээр нэр цол нь эх оронлог болдог. Сүүлийн үед газар шороогоо гэсэн сэтгэлтэй айлууд хүүхдэдээ Газархүү, Шороомаа гэхчлэнгийн нэр өгч эхэлсэн сайхан эхлэл ч байна. Тийм болохоор эх орны хүчирхэг, том амьтан болох баавгай, хандгай, бугын нэрийг наадмын талбайд дуудуулахад нутаг орны лус, савдаг баярлана уу гэхээс гомдохгүй. Монголын нууц товчоо “Бөртө Чоно, Гоо марал…” хэмээн эхэлдэг байтал “аймгийн марал, улсын чоно”  гэхчлэнгийн цол наадмын дэвжээнд байхгүй байгааг юу гэж ойлгох вэ?

Дашрамд дурдахад аугаа их өвөг дээдсийнхээ онгон шүтээний нэрийг хэрэглэсэн практик “Чонон” Борис(хүний нэр), “Азийн чоно” (архины брэнд)гэсхийгээд дуусч байгаа нь бодууштай асуудал юм.

Түүнчлэн монгол хүнд ач буянаа хайрласаар ирсэн таван хошуу малаа дээдлэх нь наадмын нэг хэсэг байгууштай. Үхэр, тэмээ, адуу бол бяртай, том ч амьтан учраас бөхийн цол байхад болохгүй юмгүй. Үхрийг дотор нь монгол, сарлагаар ялган бөхийнхээ мөн чанарыг тодотгох боломжтой. 

Харин хонь, ямаа жижиг биетэй учраас “чимэг” болгон хэрэглэхэд таарна. Олон жил нэгнийгээ өшиглөж барилгүй номхон томоотой барилдсан бөх “хонь” чимэгтэй байхад гэмгүй. Тендер мээндрээс эхлээд юм л харагдвал дээр нь гарах сонирхолтой, албан тушаал харагдвал л авирдаг зарим нь ямаа чимэгтэй байхад таарамжтай мэт. Монгол ямаа гэр дээр гарах дуртай бол монгол бөх төр дээр гарах дуртай байдаг нь нэгийг өгүүлэх мэт. Энэ бол Монголын маш сайн малчдын нийгэмлэг (ММСМН)-ийн санаа.

Ардчилсан хүчний зарим гишүүд нам дотроо ротаци хийж ирсэн туршлагаа хуваалцахыг хүссэн байна. Тэд морины цолыг бөхөд, бөхийн цолыг моринд сольж олгон ротаци хийх замаар наадмаа шинэчлэхийг хүсчээ.

Инженерүүдийн санал ч бас сонин. Тэд бөхийн цол сэлт нь даяаршил хийгээд технологийн дэвшлийн нэгэн хэсэг байгууштай. Иймд хүчирхэг техникийн нэрээр алдарт бөхчүүдээ цолломоор байна гэв. Ухаандаа аварга  бөх нар маань яагаад “локомотив” цолтой байж болохгүй гэж. Олон зуун тонн мод нүүрсийг  урагш, хойш чирээд зөөдөг локомотивын сүр хүч, бяр чадал хязгааргүй гэдгийг  хэн хүнгүй мэднэ.

Түүнчлэн монгол хүний толгойд бүлтүүзэр (бульдозер) гэхээр техникийн хүч чадлын тухай төсөөлөл буудаг. Бас Камаз байна. Ер нь иймэрхүү цол нь Монгол орон маань бүтээн байгуулалт, уул уурхай дээрээ суурилан босч хөгжихийн бэлгэдэл болно. Бөхийнхөө цолыг “Зүүн талын магнайд байгаа улсын Катарпиллар миний бие…баруун талын жигүүрт байгаа аймгийн Камаз чиний биеийг  тэврэн… (тэврэн гэнээ хэ хэ)…амлан авч..” гэх маягаар дуудахыг харсан гадныхан манай хөгжлийн түвшин, технологийг бишрэн гайхах буйзаа.

Төгсгөл: Бөхийн талаархи төрийн бодлого нэг талыг барьсан, өрөөсгөл шинжтэй байгаа нь нууц биш.Олон ч жил тэвчлээ. Өнөөдөр ярих цаг нь болсоон гэж үзэж байна… Яг хэлчих гэхээр юм санаанд орж өгөхгүй байгаа боловч нэг талыг барьж байгаа нь тодорхой л доо, тодорхой.(Ер нь ингээд хэлчихээр зөвдөөд байдаг юм. Угаасаа нэг зэрэг хоёр талыг баримталж болохгүй юм чинь)

Categories
мэдээ цаг-үе

Дорлигжавын Оюунбилэг: “Мөнгөн буйл”-ын Гочоо зааны дүр нь олны сэтгэлд илүү хоногшсон байдаг

Монголын тайз, дэлгэцийн урлагийн нэрт мастер Жанцангийн Дорлигжав агсны охин Оюунбилэгтэй ярилцлаа. Тэрээр нийслэлийн Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэгт багшаар ажилладаг нэгэн юм.  

-Танай аавыг мэдэхгүй хүн ховор. Ялангуяа “Мөнгөн буйл” киноны Гочоо заанаас аваад “Тууврын замд”, “Харуул занги”-ийн гол дүрүүдээр нь мэднэ. “Манай Доолио ч жинхэнэ авьяасын хүүдий байсан даа” гэж хэн хүнгүй дурсдаг? 


-Манай аав чинь мэргэжлийн сургууль соёл дүүргээгүй хүн. Гэвч байгалиасаа заяасан авьяастай нэгэн байжээ. Монголын ард түмэн аавд дэндүү хайртай байсныг миний бие алхам тутамдаа мэдэрдэг. Бид чинь эхээс гурвуулаа. Дээрээ нэг эгч, дороо нэг эрэгтэй дүүтэй, би дундах нь. Аавынхаа амины хайртай охин нь байв. Театрт ч, кино үйлдвэрт ч, хөдөө хээр ч ааваасаа салахгүй, үргэлж зүүгдээстэй явна. Дандаа л алиа хошин зүйл ярьж, олны инээдийг бардаг болоод ч тэр үү, “аав чинь гэртээ ингээд л марзганадаг уу” гэж хүмүүс асууна. Гэртээ онигоо юм уу, ямар нэгэн хошин зүйл яриад, инээд хөөр болох нь ховор. Харин орсон гарсан хүмүүсийг зүгээр өнгөрөөхгүй. Цаашлуулж, наашлуулж, ёжилж, элдэв хоёроор зовооно шүү дээ. Түүнд нь хүмүүс ч дуртайг нь яана. Өтгөн хар хөмсөг, ширүүн дориун харц нь нөлөөлдөгсөн үү, бусдад муухай ааштай хэдэр ёдор санагддаг байж магад. Гэвч уг хүн нь их зөөлөн. Маш уян. Юм л болбол уйлна. Аавынхаа хувь амьдралыг ярихад мэ­дээж олон зүйлийг хэлж болно л доо. Хийсэн үйлдэл, хэлсэн үг бүр нь санаа сэтгэлээс яахин гарах билээ. Манай хүн чинь (аавыгаа хэлж байна) өглөө эртээ босоод угаалгын өрөөнд бараг л “жил” болно доо. Шүдээ угаах гэж их удна. Адуун цагаан шүдтэй гэж манайхан ярьдаг даа, нэг чиг шүд нь өвчлөөгүй өнгөрсөн гээд бодохгүй юу. Өглөө бүр сахлаа авна. Тэгэхдээ ёс юм шиг “Мөнгөн цагаан хөлөг минь дүүлж явнаа хө

Мөнгөн цагаан хөлгөө бариад дуулж явнаа, би…” гэж ёс юм шиг дуулдаг сан. Тэр дуу зурагт, радиогоор явахад аавын минь сахлаа хусаад дуулж зогсоо нь нүднээ үзэгдэж, эрхгүй нулимс мэлмэрдэг юм.     

-Уугуул нутаг нь Баян­хонгор байх шүү?

-Тийм ээ, Баянхонгор аймгийн Баянбулаг суманд 1943 оны тавдугаар сарын 15-нд төрсөн байдаг. Ээж маань бас тавдугаар сарын 15-нд төрсөн. Хоёулаа хамт төрсөн өдрөө тэмдэглэнээ, тэр өдөр нь бас Дэлхийн гэр бүлийн баяр тохиодог юм. Манайхан ах дүүсээрээ цуглаж байгаад тэр өдрийг халуун дотноор тэмдэглэнэ. Ингэхэд аав дутуу төрсөн гэдэг. Ердөө нэг килограмм гаруйхан улаан цурав амьтан төрж эхийгээ зовоон, хүмүүст адлагдаж  байснаа хааяахан дурсдаг сан. Багынхаа хөгжилтэй хөөртэй дурсамжаасаа ярих нь яг л кино, жүжиг ярьж байгаа шиг гоё. Гэрт нь ирсэн хүмүүсийг төмөр цагаан орны хөлөөс бүснийх нь үзүүрээр уях, хормойг нь ширмэл ширдэгтэй оёж орхих гээд мөн ч зүггүй байсан юм билээ. Урлагийн хүн болох зам мөр нь цэргийн албанаас нь улбаатай. Улаанхуаранд алба хааж байхдаа цэргүүддээ онигоо ярьдаг, шүлэг уншдаг, бусдыг дуурайж элэглэдэг, бараг л жүжигчилсэн тоглолт үзүүлдэг байж. Цэргээс халагдан сумынхаа улаан буланд ажиллаж байгаад дараа нь аймгийнхаа соёлын төв рүү татагджээ. Тэнд байхдаа Э.Оюун гуай тэргүүтэй аваргуудын нүдэнд өртөж Улсын драмын театрын босгыг алхсан түүхтэй. Аав драмын театрын жүжигчин болсноор манайх хот руу нүүж байгаа юм. Тэр чинь далан таван он. Миний бие хоёр настай байж шүү.

-Кино зурганд болон Драмын театрт хамт очиж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Аавынхаа тоглосон жүж­гийн нээлт бүрийг ээж бид хэд очиж үздэг байлаа. “Найрын ширээний ууц”-аас аваад гадна дотны олон ч сонгодог жүжгүүд бий. Тэр бүгдэд теат­рын тусгай суудалд эрхэмсэгхэн залраад үздэг байсан минь ямар том хувь заяа вэ. Киноных нь нээлтийг бас очиж үзнээ. Гамингуудад баригдан нэхий дээлээ алдаж өвлийн хүйтэнд нүцгэн үлддэг киноны нэг хэсэг бий. Түүнийг нь үзчихээд “Миний аавын дээлийг өгөөч” гэж танхимаас орилж үзэгчдийг инээлгэж байснаа санадаг юм. Хүүхэд байсан болохоор кинонд нь бүр орчихсон хэрэг л дээ. Мягмарнаран гуай, Жарантав гуай, Нямсүрэн гуай, аав дөрөв Драмын театрт нэг өрөөнд байсан. Уран бүтээлийн нөхдөөс гадна хувь амьдрал дээр амь нэг явсан даа. Энэ хэд дээр “Говийн зэрэглээ”-гийн ангийн байцаагч буюу Цэвээнравдан ах, Цэрэнпагма, Цэрэндарьзав эгч нар нэмэгдэнэ. Гэр бүлээрээ цуглана, баахан л инээдэм, хөөр хөгжөөн болж, үр хүүхдүүд нь тусдаа тоглож, гэргий нар нь хоол унд бэлдээд, аав, Цэвээнравдан ах хоёр гол дүрд нь орчихсон бөөн шуугиан болно. Аз жаргалаар бялхаж, инээд баяслаар цалгилсан он жилүүд байж дээ. Мягмарнаран ах л өдгөө театрынхаа голомтыг сахиад үлдсэн байна.   

-Жүжиг киноныхоо дүрүүдийг хэрхэн бэлддэг байв. Тэр тухайд нь та юу хэлэх вэ?

-Жүжиг, киноны зохиол гэж албан газрын жилийн тайлан шиг нэвсийсэн зузаан материал бариад ороод ирнэ. Тэрхүү зохиолоос өөрийнхөө дүрийн үгийг цээжлэх нь мэдээж. Гэвч бусад шиг “мах”-аа идээд, улайран ноцолдоод, өдөр шөнөгүй уншаад өөрийгөө зовоогоод байхгүй. Бараг л өнөө зузаан цаасаа дэлгэж харсан болов уу гэж бодохоор. Харин тайзан дээр гараад ирэхээр хүн хүнээс илүү. Дүрдээ орж, дүрээ гаргаж, үзэгчдэд хүргэж буй байдал нь цаанаа л өөр. Заяагдмал авьяастай гэдэг нь л тэр байх. “Мөнгөн буйл” киноны Гочоо зааны дүр олны сэтгэлд илүүтэй хоногшсон байдаг. Ялангуяа 

“Азын тэнгэр байвал 

Ааваас бусдыг авна даа Гочоо минь дээ хө…” гэж жолоогоо мушгиад дуулаад явж буй дүр зураг, сумын наадамд очих гэж гурван дугуйтынх нь дугуй хагарч хөглөж байгаа хэсэг гээд “Мөнгөн буйл”-ын Гочоогийн дүр аавыг минь  олны хайртай жүжигчин болоход ихээхэн нөлөөлсөн болов уу. Хүмүүс Гочоогийн дүрийг нь онцлох гээд байдаг. Уг киноны зураг авалтад аав маш удаан явж билээ. Тэр хугацаанд нь бараг л бэтгэртлээ санасан юм даг. Харин “Тууврын замд” киноны зураг авалтад ээж бид хамт явсан. Архангайн Тамирын голын хөндийд зургийг нь авсан. Тайхар чулуу, Тамирын голын хөвөө сэтгэлд дотно байдаг маань тийм учиртай. “Тууврын замд” кинонд хүүхэн оролддог нэг хэсэг гардаг даа. Тэр зургийг авахад киноны хамт олон ээжийг дагуулаад “Нөхрийгөө хэрхэн яаж хүүхэн эргүүлж байгааг өөрийн биеэр хар” гэж үзүүлж байсан. Мөн “Ингэх гээд байсан юм” киноны зурганд Батсүмбэрийн тийшээ хамт явж байлаа. Яагаав, аав жолооч болдоггүй юу. Өнөө шалдан гурав чинь машиныг нь унаад зугтахад дугуй нь салаад давхичихдаг даа. Тэгэхэд аав “Миний машин, миний машин” гээд гүйдэг. Анхны тоглосон кино нь “Тэнгэрийн муухай арилдаг” байх шүү. Наяад оны эхээс ерээд оны эх хүртэлх арваад жилийн хугацаа бол аавын минь Монголын кино урлагт жинхэнэ мандаж байсан оргил үе нь байжээ.     

Наадам дөхөхөөр бас л бодогдоно. Бөх, моринд жигтэйхэн дуртай. Бөхийг бол гэртээ үзнэ. Харин морийг Яармагийн дэнж, Буянт-Ухаад очиж, ёстой л нөгөө тоосон дунд нь орж үздэг байлаа. Ерэн нэгэн онд байх аа,  Сүрэнхорын хээр азарга төрийн наадамд хол тасархай түрүүлж ирэхэд аав уйлаад. Наадамчдаас санаа зовж байгаа ч юм алга. Хүмүүс аавыг таниад бүрхчихсэн, аав дунд нь уйлаад байдаг. Маарын хээр, өөр ямар ямар ч билээ дээ, морьдыг айраг түрүү хүртэхэд аав уйлдаг сан. Тоглолтоор хөдөө гадаа явахдаа сумын наадам, багийн баяртай таардаг юм билээ. Уралдсан морьдыг нь харан баахан усан нүдэлж, унаач хүүхдүүдэд нь халаасан дахь мөнгөө бүгдийг нь тараагаад өгчихдөгийг найзууд нь хэлдэг байв. 

учлаарай, Дорлигжав гуайг их л залуухнаараа бурхан болсон гэдэг?

-Тавин гурван насандаа л өнгөрсөн. Уран бүтээлчийн ид жагсаж явах нас биз дээ. Аавтайгаа үргэлж хамт байх юм боддог байжээ. Гэнэт яваад өгөхөд нь хорвоо дэлхий хоосорчихсон юм шиг санагдаад хэцүү байсан. Багаас халуун өврөөс нь салдаггүй, хүзүүг нь тас тэврээд унтдаг байсан аавыгаа шөнө бүр зүүдэлдэг байлаа. Гэнэтийн цочролд орсон нь тэр л дээ. Ээждээ энэ тухай хэлэхээр ерөөсөө тоодоггүй байв. Эгч, дүү хоёр зүүдэллээ, саналаа гэж ярихгүй. Би гэдэг хүн л хэдэн сараар зүүдэлдэг юм. Тэгтэл нэг өглөө ээж “Бусад нь зүгээр л байна ш дээ. Чи яагаад зүүдлээд байгаа юм. Чи аавыгаа бодоод, шаналаад байгаа байхгүй юу. Бодохгүй бай л даа. Эгч, дүү хоёр чинь бодохгүй байж болоод л байна” гэж намайг загнадаг юм. Тэр үед би ээждээ маш их гомдож байсан. Ээждээ тэгж их гомдсон хэрнээ “Нээрээ л би аавыгаа арай дэндүү их бодоод, санаад, шаналаад, цөхрөөд байгаа юм байна” гэдгээ ухаарсан. Дараа нь эргээд бодоход ээжийн зөв байсан. Намайг ухааруулах гэж, амьдралын үнэнийг зориг гарган хэлжээ. Үхсэний араас үхдэггүй хорвоо гэдгийг ээж минь, үр наддаа ойлгуулсан хэрэг. 

-Ээждээ тэгж загнуулсны дараа зүүдлэх нь багассан уу?

-Ээжид тэгж загнуулаад, гомдсондоо асгартлаа уйлсны дараа зүүдлэх минь багасаад, амьдралын гашуун үнэнийг ойлгож, түүнтэй эвлэрч эхэлж байгаа юм. Ээж тэр үгийг надад ямар их зориг тэвчээр гаргаж хэлсэн бол. Аавыг өнгөрөх үед би нялх хүүхэдтэй байсныг ч хэлэх үү, ихэд турж эцэж, сэтгэл санааны гүн цочролд орсон байснаа хожим ухаарсан даа. Сүүлийн үед аавынхаа тухай бусадтай ингэж ярьж, сэтгэлээ онгойлгон уйлаагүй юм байна шүү. Миний дүү уучлаарай.(тэрээр ийн хэлээд хэсэг хугацаанд уйллаа) Он жил өнгөрөх бүрийд аавыгаа гайхамшигт авьяастай нэгэн байсныг улам бүр мэдрэх юм. Манай найзууд “Чи аавынхаа тоглосон киног үзээд уйлдаг уу” гэж асуудаг. Би уйлдаггүй. Харин ч бахарх­даг. Миний хүүхдүүд, миний дүүгийн хүүхдүүд өвөөгөө огт хараагүй хэрнээ киноноос хараад өвөөгөөрөө бахархдаг. “Мөнгөн буйл”, “Тууврын замд”, “Харуул занги” гараагүй наадам, цагаан сар гэж байхгүй. Тэр бүгдэд аавтайгаа хамт байгаа мэт сайхан бодол төрдөг. Цагаан сарын шинийн нэгэнд ээждээ золгоод, ах дүүсээрээ цуглачихсан жаргалтай гэгч байхад, аав минь цэнхэр дэлгэцээр Гочоо зааныхаа дүрээр бидэнтэйгээ уулзаж хамт байдаг даа. Ийм л сайхан хувь заяа бидэнд тохиосон. Аавыг минь хүмүүс гавьяат авах байсан гэдэг. Гэвч гавьяаттай гавьяатгүй болдог л байхгүй юу. Цэвээнравдан ах, Арслан буюу Доржсамбуу гуай бүгд л гавьяатгүй өнгөрсөн ч ард түмэн тэднийг дэндүү хайрладаг даа.   

-Танайхны хүүхдүүдээс өвөөгийнхөө авьяасыг өвлөсөн хүүхэд бий юу?

-Миний хүү Булган Санкт-Петербургийн урлагийн сур­гуулийг өнөө жил төгсөнө. Энэ сарын сүүлээр хонхны баяр нь болно. Бид гэр бүлээрээ явахаар зэхэж байна. Булган гэж төрсөн уулынхаа нэрээр аав минь миний хүүг нэрлэсэн. Яагаад ч юм Булганд илүү хайртай байж билээ. Хүү маань багаасаа Монголын хүүхдийн ордны дугуйланд явсан. Багадаа Жигжидийн Биндэр гуайн нэгэн кинонд тоглож байлаа. Өвөөгөө өнгөрөхөд дөрвөн настай байсан. Булганыгаа өөрийнх нь мэргэжлийг өвлөөд Санкт-Петербургийн их сургууль төгсч байгааг харсан бол гэж бодохоор сэтгэл хөндүүрлээд байдаг.    

Ярилцсан Н.ГАНТУЛГА 

Categories
мэдээ спорт

Тулгаа заан

Монгол түмний их баяр наадам айсуй. Нар буусан энэ өдөр наадмын тухай дурсамжуудаас хүргэхээр “Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулгын архиваас түүвэрлэн нийтэлж байна. Түүний хүчит заан Өлзийн Тулгаа агсны тухай хэдэн жилийн өмнө бичсэн нийтлэлийг хүргэе.

Монголчууд бөхдөө хайртай. Тэр дундаа, хүн бүр сэтгэл зүрхнийхээ гүнээс хайрлан хүндэтгэж, цаг үргэлж бодолдоо тээж явдаг цөөн хэдэн бөх бий. Тэдний нэг нь Увсын хэмээх тодотголтой Өлзийн Тулгаа заан байлаа.

“Хархираагийн тэжээлийн аж ахуйн бөх” гэж дуудуулаад, тээврийн тэрэгтэйгээ Увсын цэнхэр хязгаараас төрийн наадамд ирж барилдахыг нь үзэгч олон тэсэн ядан хүлээдэг байж билээ. Тулгаа заан ирж зодоглосон наадам бөх сонирхогч олны сэтгэлд тийм нэг нандин дурсамж, дурдатгалыг үлдээсэн байдаг шүү. Харин Тулгаагүй наадам нэг л зүйлээр дутуу санагдаж, мөн ч олон хүн гонсойж хоцордог байсан даа.

Тэгтэл, бүргэд хамар, ширвээ хар сахалтай, ард түмний хайлан болсон тэр сайхан эр хаврын бүгэг саарал өдрүүдэд Хархираагийн их уулс, монгол бөхийнхөө ариун дэвжээг орхин одов. Хадаа аваргыг өнгөрөхөд хамаг Монгол даяараа харуусч, халуун нулимсаа арчиж байсан ард түмэн Увсын Тулгаагаа улсын наадмын дэвжээнд дахин харахгүй болов. 

Тэр, домгийн хархираа шувуу нисч байгаа мэт дүртэй гэгддэг их уулсынхаа өвөр бэлээс гэнэтхэн л холоо явчихлаа. Өөрийг нь, төрийн наадмын торгон дэвжээнд зодоглосон цагаас шүтэн биширч, сэтгэлдээ хадгалж, сураг чимээг нь хэн нэгнээсээ үргэлж асууж явсан ард түмнийхээ бор тархинд харууслын манан татуулж орхичихоод хаашаа ч юм алга болчихов. Хайран гэхэд дэндүү хайран. Уйлах ч багадах, итгэхэд бэрх ийм л мэдээ урины шувуудтай хамт бидэнд ирлээ. 

Эр болгон нь бөх болдог энэ Монголд тэр яасан их хайрлагдаж яваа вэ. Ёстой нэг бурхнаас заяасан бөх гэж ийм байдаг болов уу гэмээр. Ингэж их хайрлагдсаны, хүн бүхэнд өнөө л сайхан төрхөөрөө, ямар ч нэмэр хачиргүйгээр буудгийн нууц нь чухам юунд байсан юм бол оо. 

Хөдөө нутгийн салхи савир ханхлуулж, аян замын тоос шороогоо гөвж ч амжилгүй дэвжээнд гарахдаа хот газрын “цагаан” бөхчүүдийн зүрхэнд шар ус хуруулдаг байсан гэдэг. Аварга, арслангуудын аранга нь яалт ч үгүй Өлзийн Тулгаа байж дээ. Тиймдээ ч улсын наадмын даваа бүрт дандаа тунадаг байсан болов уу. Үргэлж тунаж барилдах нь ямархан зиндааны бөх гэдэг нь мэдрэгдээд ирнэ. 

Тулгаа зааны намтар, удам гарлыг нь сонирхвол, тэрээр 1956 оны намар Увс аймгийн Малчин сумын нутаг Хүрэмийн өтөг гэдэг газар эхээс мэндэлсэн байдаг аа. “Аав Өлзий нь бие хаа томтой, бяр тэнхээ ихтэй хүн байсан ч  барилдаагүй аж. Харин ээж Лхамсүрэнгийн ах дүүс нь бүгд ноцолддог, лут бяртай хүмүүс байсан гэнэ. Тиймээс бөхийн удамшил эхийн талаасаа гэхэд болох юм” хэмээн бөх судлаач Ш.Гоохүү “Монгол Улсын заанууд” номондоо тэмдэглэжээ. Тэрээр Улаанбаатар хотноо цэргийн албанд татагдан ирээд байхдаа өөрийн нутгийн бөх дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Ж.Хайдав нарыг шинэ цэргийн каринтинд анх харсан гэдэг юм. 1970-аад оны эхээр юм уу даа. Увсын долоон харын хоёр нь болох Баянаа аварга, Хайдав арслан нар жинхэнэ торгон ирэн дээрээ байсан үе. Шинэхэн цэргийн нүдэнд ямархан “амьтад” харагдсан нь мэдээж. Бөх болох хүсэл нь ерөөсөө тэндээс л ургасан аж. 

Асман цэрэг болсноосоо хойш бяр тэнхээ өдөр өдрөөр сууж, хавь ойрынхоо цэргүүдтэй сав л хийвэл барилдах болжээ. Бөхчүүдийн хэлдгээр барилдахын дон тусч эхэлсэн байгаа юм. “Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана аа” гэдэг шиг асман цэргийн цээжинд төрийн наадмын дэвжээ багтаад байж. Зодоглочихоор л санагдаад байж.

Энэхүү бодлыг нь сайтар уншсан салааных нь дарга Мааяа гэдэг дэслэгч эр хүний нүнжигтэйхэн сэтгэл гарган байлдагч Тулгаагийн өмнөөс харуулд нь гарч өгснөөр бөхийн “дон” тусаад байсан нөхөр 1974 оны наадамд зодоглох эрхтэй болжээ. Нэг даваадахав гэнэ. Үе үеийн домог болсон шилдэг хүчтэнүүдийн хийморийн сүлдтэй Төв цэнгэлдэхийн тугийн мандлыг тойрч явахдаа тун их баярласан байх даа. Хоёрын даваанд Архангайн Чойндонгийн Адъяа заантай оноолт таарчээ. Дарийн Дамдин аваргыг “гарлаа, давлаа” гэж зарлуулж байх үед нь өвдөглүүлж байсан хүчит заанаас огтхон ч эмээж бэргэлгүй хоёр хөлд нь давхар хамчихсан юм билээ.

Ингээд гурвын даваанд Дамдин аваргад амлуулжээ. Аварга хамгийн түрүүнд ам сонсохдоо нэр ч хэлэлгүй, гарын даа нарт шууд “Адъяагаар хоёр давсан цэргийг над дээр биччих” гэсэн гэдэг ээ. Хүчит заан минь төрийн наадамд анх зодоглохдоо халхын алдарт аваргын аманд түүх энэ буюу.

1976 оны хавар цэргээс халагдан Малчин сумандаа очжээ. Адуучин болно хэмээн баттай шийдсэн байв. Гэвч зургаан зуугаад адуутай Баянмандал нэгдэл нь зуданд адуугаа хорогдуулснаар зуугаадхан адуутай үлдэж, Тулгаа хүүгийн адуучин болох мөрөөдөл тас цохигдож ээ. Мань хүн аймгийн төв орж уурын зууханд галчаар хүртэл ажиллаж байсан байгаа юм.

Адуучин болно гэснээс тэрээр адууны салхинд өссөн нэгэн. Аавынх нь унааны морь цөөнтэй учир даага, шүдлэнгээ сургаж унахгүй бол зундаа явган таваргах болдог. Тиймээс арваннэгэн настайгаасаа даага сургаж эхэлжээ. Дараа нь нэгдлийн даргынхаа хүсэлтийн дагуу даага, шүдлэн сүүлдээ хязаалан, соёолон морьд сургаж, эмнэг адуутай ноцолдож өссөн ажээ.

Нэгдлийн эмнэг адууг сургаж өгөөд Тулгаа хүү тавьт, зуутын дэвсгэртээр шагнуулж, намар хичээлдээ орохдоо хамгийн баян сурагч байсан тухайгаа тэрээр нэгэнтээ дурссан нь бий. Ийнхүү ид өсөж төлжих арван хэдэн настайгаасаа эхлэн эр хүний хүч бярыг сорьсон, хийморь лундааг сэргээсэн, эмнэг хангалтай ноцолдож, эдэлгээ уналганд сургаж байсан нь биеийн ерөнхий хөгжлийг жигд сайжруулж, булчин шөрмөсийг нь чангаруулж, хөдөлгөөний эвслийг нь нягтруулж, хөл, гар, цээжиндээ жигдхэн хүч тэнхээтэй болоход нь нөлөөлсөн гэж бөхийн мэргэжилтнүүд үздэг юм билээ.

Түүний улсын баяр наадамд хэрхэн барилдаж явсан он жилүүдийг нь эргэн харъя. 1974 онд асман цэрэг анх зодолосноосоо хойш ирж барилдаж чадахгүй байсаар 1979 он хүргэжээ. 

Тэр жилийн наадамд гурвын даваанд улсын начин Суядааны Ганзоригийг, дөрөвт арслан Бандийн Ганбаатарыг тунаж орхин тавын даваанд Зэвэгийн Дүвчинтэй мөн тунаж барилдаад унасан байдаг. Улсад анх зодоглож байгаа бөх (цэрэг зодоглосныг эс тооцвол) гурын даваанаас шууд тунана гэдэг нэг “юм” хэлээд байсан хэрэг л дээ. Ганбаатар арслан, Ганзориг начин нар тухайн үед улсын цолд хараахан хүрээгүй байжээ. Дүвчин заан тухайн үед начин цолтой байж. Түүний баруун хөлийг авч, өндөрт өргөн хөөж яваад түрүүлээд газардчихсан гэдэг. Ингээд Увсын Тулгаа начны даваанд тулж ирээд буцсан байгаа юм. Дараа жил нь буюу 1980 онд Увсын Зүүнхангайн Д.Жанчивдорж (одоогийн начин), Өндөрхангайн Ж.Ганболд (одоогийн заан) нартай дөрөв, тавын даваанд мөн л тунаж барилдан даваад начин босгоор алхав. Зургаагийн даваанд Хөвсгөлийн Далайцэрэнгийн Лхагва-Очир начинтай тунаж барилдан даваад долоогийн даваанд М.Мөнгөн арсланд унасан байдаг. Мань хүн Мөнгөн арсланд хоёр ч удаа хууртсан юм билээ. 

Эхнийх нь тэрхүү зааны даваа аж. Мөнгөн барилдахынхаа өмнө “Мөнхбат аварга Мягмар(заан)-ыг давбал чи надад өгнө шүү. Харин Мягмар Мөөеөг давбал би чамд өгье” гэжээ. Их л сонин тохироо хийсэн байгаа юм.

Учир нь тухайн үед Мөнхбат аварга Мөөеө аварга Мягмар зааныг гаргаадаггүй байв. Түүнийг нь Мөнгөн сайн мэднэ. Тулгаагаа аргалсан нэг заль л байж л дээ. Ингээд Мөөеө ч учраагаа давж, тохирсон ёсоор Мөнгөн Тулгаагаа хаясан байна. 

Дараагийнх нь 1982 оны Улсын аваргын барилдаан гэнэ. Сүүлийн барилдаанд Мөнгөн, Тулгаа хоёр мөн учраа таарчээ. Хэн давсан нь түрүүлнэ. Мөнгөн барилдахынхаа өмнө Тулгаад “нутгийн дүү түрүүл дээ” гэж хэлж. Өнөөх нь ч итгэчихэж. Бараг яаж шороодуулахаа бодоод хав барьцнаас бариад авбал Мөнгөн ганц хүчтэй мушгичихаад яваад өгсөн гэдэг юм билээ. 1983 оны наадамд гурав даваад дөрөвт Дундговийн Улаанхүүд унасан байдаг. Тэр жил Ц.Улаанхүү начин болсон. 1984 онд Говь-Алтайн Содномын Эрхэмбаяр начин, Д.Амгаа заан нараар тав, зургаа давж зааны даваанд дахин тулж очин Дагвацэрэнгийн Хадбаатар аваргад унасан байна.

1985 онд гурав даваад Б.Бат-Эрдэнэ аваргад шорооджээ. Тэр  жил Б.Бат-Эрдэнэ аварга улсын цолонд анх хүрснийг манайхан мэднэ болов уу.

1987 онд тавд О.Балжиннямд, 1988 онд Г.Намсрайжавт тахимаа өгсөн байдаг. 1990 оны наймдугаар сард Хэрлэнгийн хөдөө аралд болсон Монголын нууц товчооны ойгоор Гочоосүрэн зааны дүү Ч.Батбаатарыг, дараа жил нь Ховдын Шархүүгийн Лхагвасүрэнг тавын даваанд амлаж барилдан өвдөг шороодсоноор улсын цолонд хүргэжээ. 1995-2001 оны хооронд улсад зодоглохдоо тасралтгүй гурав давж Б.Ганбат, О.Одгэрэл нарын олон залуу хүчтэнийг цолонд хүрэхэд гүүр нь болсон байх юм.

Улсын наадмын оноо дансыг харахад ийм байна. Түүний самбо, жүдо бөхөөр гаргасан амжилтыг дурдвал барагдахгүй. Мөн Тува улсын наадамд хэд хэдэн удаа түрүүлсэн, баруун бүсийн аймгуудын үндэсний бөхийн аваргын болзлыг 11 удаа хангасан, баруун аймгийн болон сумдын наадамд нийтдээ 50 гаруй удаа түрүүлсэн зэргээс харахад босоо бөх явсан нь мэдрэгдэнэ ээ.

Тулгаа зааны дүү Сумьяа улсын цолтой, мөн ах шигээ уран барилдаантай бөх билээ.Тэрээр Бөхийн өргөөний нээлтэд зориулсан барилдаанд аварга О.Балжинням, арслан Д.Мөнх-Эрдэнэ, гарьд П.Сүхбат гээд цолтнуудыг бүгдийг нь цувуулж орхин шөвгийн гуравт шалгарч, олныг шуугиулж байсан.

Олны хайрыг татсан, хүчит бөх маань ариун үнэнийг эрхэмлэж явсан монгол бөхийн дэвжээндээ үе залгамжлах бөх хүүгээ үлдээгээд явлаа даа.

Тулгаагийн Сүрэнжав гэж аавтайгаа тун ижилхэн, тэгш сайхан биетэй, аймгийн цолтой бөх байдгийг олон түмэн мэднэ ээ. Хэдхэн жилийн дараа аав шигээ шуугиулаад гараад ирнэ биз ээ. Тува улсад барилдаж явахдаа 156 килограмм жинтэй чулууг өргөж, олны нүдийг орой дээр нь гаргасан хүчит заан маань Хархираагийн домогт уулс шигээ бөхөө дээдэлдэг олныхоо сэтгэлд мөнхрөн үлдлээ дээ. 

Н.ГАНТУЛГА

       

     

Categories
арын-нүүр булангууд мэдээ ярилцлага

Дандар гуай “Дайн гэдэг хүсмээр зүйл биш. Харин тулаад ирвэл буцмаар ч юм биш” гэдэг сэн


Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандарын 100 жилийн ой өнөө жил тохиож байгаа юм. Уг ойг тохиолдуулан Дандар баа­тар­тай хамгийн ойр явсан хүмүүсийн нэг ардын уран зохиолч Пунцагийн Бадарч­тай ярилцсанаа хүргэж байна.

-“Домогт Дандарын морин жолооч явлаа, би” гэсэн таны дурсамж тэмдэглэл байдаг. Он жил улирах тусам түүх домог мэт хэлцэгдсэн тэр хүнтэй ойр дотно явсан дурсамж дурдатгалаасаа хуваалцана уу?

-Өнөө жил Дандар гуайн минь 100 насны ой тохиож байна. Сэрүүн тунгалагтаа “Би чинь Бал даргаас хоёр насаар ах юм шүү дээ” гэж хэлдэг байж билээ. Миний бие Монголын нэр цуутай баатруудтай ойр дотно явжээ. Дүүдээ, Жам­баа, Данзанваанчиг, Дам­пил,Төмөрбаатар гээд олон хүнийг нэрлэж болно. Гэхдээ тэр бүгдээс Дандар гуайтайгаа л их ойр байж. Ямар сайндаа л “морин жолооч нь явлаа” гэхэв. Дандар бол гарамгай баатар гэдэг нэрэндээ дүйсэн, жинхэнэ монгол эр хүний хэмжүүр байсан юм шүү. Баатар гэж ийм л хүн байдаг байхдаа гэх бодол төрнө. Тэрээр юмыг чин үнэнээр нь л хэлнэ. Хүнийг худлаа магтаад байхгүй, аливаад тэгтлээ хөөрч дэврэх юм уу, мань мэт шиг нь нялганах, нялцганах зүйл даан ч үгүй дээ. Гэхдээ дотоод сэтгэлдээ бол асар их гуниг зовлон хадгалсан хүн байсан шиг санагдана. Архи уусан ч, шатар тавьсан ч, аян замд дөрөө нийлэхэд ч баатар машид бодлогоширч явдаг сан. Сэтгэлд нь гуниг их хурсны илрэл болов уу.

Намайг хүмүүс Дандар баатар­тай ойр дотно явж, агуу их Лууяа(Дагвын Лувсаншараваа рхэлж байна)-тай уран бүтээ­лийн анд нөхөд явсан гэхээр амьтан хүн үнэмшихгүй байх. 

-Яалаа гэж, та ч өөрөө яруу найргийн домог болсон хүмүүсийн нэг дээ. Дандар баатартай хэрхэн танилцсан тухайд чинь сонирхмоор байна?    

-Бүргэдийн даль шиг нөмрөгөө дэрвүүлсэн, алаг морьтой залуухан Дандарыг Халхын гол, Хамар даваа, Хайлааст манханд өгөр самуурайнуудыг цээж толгой хоёрын нь дундуур сэлмээрээ тоолж явахад, би гэгч арьсан өлгийд сүүл хөхсөн улаан цурав үрчийн хэвтсэн минь ёстой түүхэн үнэн л дээ. Гэвч надад тэр хүний “морин жолооч” явах хувь эртээ тохиосон юм. Тавин нэгэн оны зун аав ээжтэйгээ, ээжийн эгч гэж хөгшинтэй Жанчивлангийн рашаан хүртэхээр нутгаасаа гарч, замдаа Төв аймгийн Баян сум одоогийн Төмөр замын өртөөний наадамтай таарч билээ. Уг наадмын гол сонин өнөөгийнхний хэлдгээр сенсаци нь Дандар баатар байв. Мань хүн улсын начин Хөхөөгийн хамт тухайн баярт барилдахаар ирсэн дуулддаг юм. Арванхоёр настай жаалхан надад өнөөх домогт Дандарыг харах хүсэл гозолзож байсан нь мэдээж. Тэгтэл наадмын хоёр дахь өдөр Дандар баатрыг хажуунаас нь морьтой залуус дайрч хөлийг нь бэртээсэн яриа гараадахав.  Ингээд Дандар барилдах эрхгүй болж, Хөхөө начин түрүүлэх нь тодорхой болсон хэрэг. Энэ бүхнийг би яаж мэдэх билээ. Ааваасаа л сонч байгаа ухаантай. Наадмын сүүлчийн өдрийн орой бид олны хөлөөс зайдуу буугаад, гэрийнхээ хонины гэдэс чанаад  байж байтал морин туурай тачигнан, дөрөө харших чимээ гарч, яах ийхийн зуургуй өнөө миний хүсэн хүлээсэн Дандар баатар чинь Хөхөө начинтайгаа хамт ороод ирдэг байна шүү. Миний айж байна гэж юүхэв. Айх хэд хэдэн шалтгаан байсан. “Сэлэм гялс,толгой бөндгөс”  гэдэг домогт баатар үдэш оройн цаагаар гэрийн хаалгаар багтаж ядан орж ирэхэд над шиг жулдрай нь байтугай, хэн хүнгүйл айна, бэргэнэ. Мөн тухайн үед Дандар гуай шоронгоос дөнгөж гараад Төв аймгийн хэдэн сумдаар баахан төрхгүйтэж, янз бүрийн л яриа хөөрөө дуулддаг байсан цаг. Айлын уяан дээрээс эмээлтэй морийг нь, авдар дээрээс мөнгөн аягыг нь  өвөртлөөд мордож гэнээ гэж яригддаг сан. 

-Тэр үдэш ирээд чухам юу ярьж байсныг та санадаг уу?

-Санахаар барах уу. Дандар гуайг анх харсан тэр үдэш санаа сэтгэлээс гардаггүй юм. Аавтай наадам найр, нутаг усны тухай ярьж байтал тогоон дээрх гэдэс боллоо. Хөхөө начин тэр хоёр гэдэснээс огтолж, гогцоо цус хэд хэд явуулчихаад хойш суулаа. Удаа ч аав нэг архи гаргадаг юм. Одоо бодох нь ээ, манайхыг хүн амьтнаас сураглдаж ярилцаад авдрандаа ганц “юм”-тай байж магадгүй хэмээн өнөө хоёр ирсэн байж ч болох юм. Ганц нэг тагү юм тогтоосны дараа Дандар гуайн яриа хөөрөө ч задгайраад, миний айдас хүйдсийн ч хүлээс алдуураад сайхан болоодов. Тэгтэл Дандар манай ээжийн эгч хөгшнийг заагаад “Би яг ийм ээжтэй байсан хүн. Дандаа л байлдаж, дайтаж муу ижийнхээ амар заяаг үзүүлээгүй дээ” гээд өнөө баатар чинь уйлдаг юм байнаа.

-Өө за…Та чинь алаг морьт Дандартай анх уулзаад л нулимсыг нь үзсэн байх нь ээ?  

-Сүүлд бодож байх нь ээ, би гэдэг хүн Дандар гуайнхаа уйлахыг хэд хэдэн удаа үзсээн. Тийм хүн одоо Монголд надаас өөр байхгүй л болов уу гэж  санах юм. Хөхөө начин, Дандар баатар хоёр аавтай баахан ярилцаад явах боллоо. Аав минь жаалхан намайг хөтлөөд “Хүү минь, хоёулаа Дандар баатрыгаа мордуулж өгье” гэдэг юм. Ингээд аавтайгаа хамт гартал Дандар цагаан бор мориныхоо хааг алгадан хэвтүүлж мордоод шөнийн гүн харанхуйд морин туурайн чимээ нь  тачигнан алсраад одож билээ. Баатрыг анх харсан сэтгэгдэл энэ. Харин дотносож нөхөрлөсөгн минь сүүл л дээ. Миний бие 1976-1993 он хүртэл Бүх цэргийн дуу, бүжгийн чуулгад утга зохиолын эрхлэгч гэдэг алба хашсан ухаан­тай. Тэр үед “Батлан хам­гаа­лахыг сурталчлах сарын ажил” гэж сүртэй дуулиантай юм болдог байв. Энэ ажлаар Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Увс, Завхан аймгуудад Дандар гуайтай хамт, дээрх аймгуудын хичнээн ч сумаар явсан юм бэ дээ. Улаанбаатарт хотод ч  цэргийн ангиудад уулзалтад очиж, сүүлдээ гэр орноор нь ч орж гардаг дотно нөхөд болсон юм. Хөдөө явахдаа Дандар гуайг халамжилж энгэр дүүрэн олон одон тэмдэгтэй, бараг л сум нэвтлэхийн аргагүй жигтэйхэн хүнд хүрмийг нь өмсгөх тайлах, “маллаж” явах үүрэг надад ирнэ дээ. Хаана ч очсон Дандар гуай надтай хамт нэг өрөөнд л орно. “Намайг Бадарчтай оруулна шүү” л гэнэ. Тэр нь сайндаа ч биш. Нийлж ганц нэг “юм”-ны бөглөө мулталдаг л байхгүй юу. Далаад оны төгсгөлөөс наяаад оны сүүл үе хүртэл Халх голын ахмад дайчид олонх нь сэрүүн тунгалаг байж. Сум болгон дээр Дандарын цэргүүд архайн баатартай ирж үнсүүлж, идээ ундаа болон хууч хөөр болдог сон. Манай хүн бусдын өгсөн бэлэг сэлт энээ тэрээг шууд л над руу явуулж, “манай морин жолоочид өг” гэнэ. Дандар гуайгаар морин жолооч гэж өөрийгөө хэлүүлэх дуртай. Дайны үед шадар туслахыг нь “морин жолооч” гэдэг байсан юм даг уу даа. 

-Дандар гуайтай хөдөөгүүр явахдаа осолд орж, баатрын нэг нүд хараагүй болсон золгүй явдал та хоёрт тохиосон байдаг? 

-Увс аймгийн баруун талын сумдаар явж байгаад машины осолд орсон юм.  Улаан­баатараас Улаангомд онгоцоор буугаад сумдаар “ГАЗ-66” машин хөлөглөж явлаа. Нүүр нүдгүй цасаар шуурч байхад  бид “жаран зургаа”-гаар дайруулж яваад гуу жалган дээгүүр харайлан урд талын цонхны шил хага үсэрч Дандар баатрын зүүн талын нүд, зовхийг нь зүссэн байлаа. Бид гэдэг нь  БХЯ-ны Соёлын хэлтсийн дарга, хурандаа буурал Болд, Увс аймгийн Намын хорооны харийн бичгийн дарга Цэрэннадмид бид хэд л дээ. Арай гэж цусыг нь тогтоогоод, хоёр дарга айл руу гүйлээ. Би Дандар гуайтай хоёул үлдэж цасан шуурганаар гадаа гарч зогслоо. Даарч бай­на гэж юүхэв. “Дандар гуай өвдөж байна уу” гэхэд,  “Өвдөж байна шүү. Би дайны үед нэг японтой ноцолдоод гуя руугаа бууны хутган жадаар хоёр ч дүрүүлсэн, сургагч орос маань золоор ирж шархыг минь боогоод цус алдуулахгүй гэж холбооны кабель утсаар гуяыг минь тасартал хэрж билээ. Тэгэхэд ингэж өвдөөгүй шиг санах юм” гэж яс янгинатал хариулт өгч билээ.

Оройхон хэрд аймгаас эмч нар ирлээ. Одоогийн гавьяат, доктор Цэгээнжав, мөн  Сүрэнжав гэж мөн л доктор нүдний их эмч сайхан бүсгүй ирж байлаа. Ойрх сумдын эмч нар ч ирцгээсэн. Машины зөөдөг гэрэл тавьж байгаад нүдийг нь эмчилж оёдол хагалгаа ч хийв. Болд дарга, баатарт хандан “Төвөөс Ёндон сайд цахилгаан ирүүлжээ. Таныг буцаа, онгоц явуулна гэнэ ээ” гэхэд Дандар гуай “Цэргийн  хүн үүргээ биелүүлээгүй хэзээ буцаж байсан юм. Би цаашаа сумдаар явна. Цаад Ёндон генералдаа намайг ингэж байна гэж хэл” гэдэг байгаа. Тэгээд л бид ёстой үүргээ биелүүлж дөрөв хоног яваад аймаг дайрч хаалтын тоглолт уулзалтаа хийгээд Улаанбаатарт ирж билээ. Түүнээс хойш Дандар гуайн нэг зүүн нүд хараагүй болсон доо, хөөрхий минь.

-Дандар гуай хүмүүстэй уулзахдаа юу ярихав. Дайтаж тулалдаж явснаа ярьдаг байв уу. Гарамгай баатар цолоо хураалгаж шоронд сууж байсан. Тэр тухайгаа дурсах уу?

-Тэр олон уулзалт үдэшлэгт хамт байж, аян замыг туулж явахдаа Дандар гуайг ихэмсэг зан гаргаж байхыг нэг чиг хараагүй. Мань мэт түүний оронд байсан бол яаж онгирч сагсуурч, агсамнаж, галзуурч байх бол доо. Дандар гуай хүний зовлонг, хүний хорвоог таньсан хүн байлаа. Галын шугамд ойртох тусам сайн хүмүүс олширдог гэдэг биз дээ. Аливаа уулзалт дээр цөөхөн хэрнээ жинтэй үг хэлнэ.  Ямар ч уулзалтын төгсгөлд “Дайн гэдэг чинь хүсмээр зүйл биш. Харин тулаад ирвэл бас буцмаар ч юм биш дээ” гэдэг сэн. Дайн байлдааны тухай, япончуудыг алж хядаж явсан тухайгаа, өөрийнхөө эр зоригтойы байснаа ярих их дургуй. Нэг удаа уулзалтаас ирчихээд намайг загнадаг юм. “Ямар олон юм ярьдгийн. Эх орон, тусгаар тогтнол , урлаг утга зохиол гээд баахан юм ярихын. Хэнд хэрэгтэй юм. Шүлэг зохиолоо одоо бага унш” гэж билээ. Эх орон тусгаар тогтнолынхоо төлөө галын шугамд явсан хүний үг юм даа гээд л би дуугуй өнгөрсөн. Дандар гуайн өөдөөс би юу хэлэх билээ. Над руу нэг чиг удаа муухай харж байсангүй. Гэхдээ би түүнээс айдаг байлаа.  Алаг мориных нь тухай хүмүүс их асууна. “Алаг морийг минь, Одсүрэн Хянганы нуруунд ёс төртэй оршуулсан гэж надад захиа бичсэн” гэж нэг удаа хэлж билээ. Одсүрэн гэдэг нь Дандар гуайн найз дайны жилүүдэд хороо, дивиз командалж явсан цуутай хурандаануудын нэг шүү дээ. Алаг морь, Дандар хоёр болл үнэндээ домог л доо. 1939 онд БНМАУ-ын гарамгай баатар цолыг олгосон байдаг.  Гарамгай гэсэн чимгийг нь маршал Х.Чойбалсан өөрөө биечлэн оролцсоноор тусгайлан тодотгосон ч гэдэг. 1945 оны чөлөөлөх дайнд дэд хурандаа цолтойгоор морьт хороо командлан оролцож хятадын цагаан хэрэм тултал тулалдсан. Дайны сүүлээр ЗХУ-ын цэргийн даргатай цэргийн бэлтгэлийн мал булаалдсан хэрэг үүсгэсэн байна. Цэргүүдийнх нь хүнсний үхрийг булаах гэсэн орос цэргийн даргыг буудан хороосон тухай яриа бий. Тэр тухайгаа баатар ярих, би ч асууж байсангүй. Гавьяат Шагдар Булганд явах үеэх зочид буудалд хоёул шатар тавьж суухдаа “Та ЗХУ-ын баатрыг буудаж алсан юм уу” гэж асуутал Дандар, Шагдарыг үсдэж аваад шатрын хөлөг гурав мөргүүлсэн гэдэг юм. Дандар гуай Монголын төрд их гомдсон. Чойлбалсанд ч, Цэдэнбалд ч их гомдсон. Би түүнийг хошой баатар гэж хэлэх дуртай. Яалт ч үгүй Монгол Улсын баатар гэх цолны зарлигийг хоёр удаа сонссон хүн. Далан насных нь ойгоор Бал даргыг хошой баатар өгчих болов уу гэж амихандаа горьдож байлаа. Тэгтэл Сүхбаатарын одон өгсөн юм даг. Дандар баатрыг Монгол Улс олон ч тамласан даа. Шоронд хорьж, Дорнод Улаанбаатар хоёрын хооронд пүүлэн машин бариулсан, япончуудтай Туул голд сал урсгасан, Зэлтэрийн сангийн аж ахуйн ойролцоо аваачиж,  хятадуудын эрлийзүүдтэй үзүүлсэн, за тэгээд баруун хязгаарт хасгийн дээрэмчдийн эсрэг тусгай ажиллагаанд гурван ч удаа явуулсан. Халх голын дайны талбарт тодорёон Дандарыг ингэж л Монгол төр тамласан байдаг.

-Гэр орноор нь очиж байснаа дурсахгүй юу. Үр хүүхэдтэй хэр ойр билээ?

-Үр хүүхдийг нь нэг сайн мэдэхгүй. Зүүнбаянд офицер байсан нэг хүүг нь мэдэхээс цаашгүй. Гэр орноор нь бол очилгүй яахав. “Ард” кинотеатрын тэнд гэр нь байлаа. Батаа генерал тэдний хоёр хөрш зэргэлдээ байсан. Гэрт нь хүрч очиход бусадтай шатар нүүчихсэн л сууж байдаг сан. Дашдооровтой хамт очсон маань санаанд байна. “Сайн байна уу, баатар аа” гээд л би сагсаганана л даа. Дандар гуай “сайн” гэчихээд л сууж байна. Диван орных нь ард байлдааных нь сэлэм өлгөөтэй байж байна. Дооров сахилгагүйтэж “Дандар гуай сэлмийг чинь үзье” гэдэг юм. Тэгтэл  “Яах гээв, толгойгоо авахуулах гээ юу” гэж хэлэхэд манай Дооров хачин царайлж билээ. Цаашлуулж байгаа нь тэр.  Дандар гуайгаа насан эцэслэхийнх нь өмнө Цэргийн госпиталийн гурван давхарт хэвтэж байхад нь буурал Болд­тойгоо хамт очсон. Уйлахгүй гэж бодсон уу, дээшээ хараад хэвтэж байлаа. “Би ганцхан жил л амьд явмаар байх юм” гэж хэлээд нүдээ цавчихад нь гялтгар нулимс чихийг нь дагаад урсаж билээ. “Дандар баатар миний найз” зэрэг хэд хэдэн шүлэг тэрлэсэн ухаантай. Мөн “Матад, Тамсаг, Баянтүмний 

Мартахын аргагүй дурсгалт жилүүд

Маргад эрдэнийн залуу нас минь 

Морин дэл дээр сэлэм шиг явлаа

Миний залуу нас                 

Дайны жилийн цэрэг явлаа

Алдар, үхэл хоёрын дундуур

Ассан гал шиг бадран өнгөрсөн…” гэдэг чинь Дандар гуайдаа зориулсан шүлэг шүү дээ. Монголын домог болсон хүнтэй ийм л ойр дотно явжээ. Сүүлд нь дахиад хэолэхэд, тэр бол хүний зовлон жаргалыг, хүмүүний орчлонгийн мөн чанарыг таньсан нэгэн байлаа даа.

Ярилцсан Н.ГАНТУЛГА