Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Илгээлтийн эзэд

Хэрвээ чи асахгүй юм бол

Хэрвээ би асахгүй юм бол

Хэрвээ бид бүгдээрээ асахгүй юм бол

Хэн энэ харанхуйг гийгүүлэх ёстой юм бэ?

Назым Хикмет

Дээхнэ үед эвлэлийн илгээлт гэж байв даа.Залуучуудыг хөдөө явуулдаг. Малыг
хураан нийгэмчилснээс болж хөдөө хүн тогтохоо больжээ. Гэтэл ард түмнээс хураан
авсан малаа хэн нэгнээр хариулуулах хэрэгцээ
нам засагт гардаг юм байгаа биз дээ. Ингээд хотшил, эрдэм соёл руу хошуурах
залуусыг хошгируулах, ховсдох, догиохын дундуур малчин, хоньчин болгодог нам, засгийн кампанит ажил сэдэгдсэн хэрэг. Ер нь тэдний ихэнх нь дуунд гардаг шиг “малчнаар
торойсоор” үлдэнэ дээ. Үндэстнээрээ өгсөж явсан иргэншлийн шатнаас эргэн үсэрч нүүдэлчний
хот руу шидэгдэх хувь заяа нь өрөвдөм. Дахин сонголт хийх, илгээлтээ эргүүлж өгөөд
хот сууриндаа харих боломж үндсэндээ хаагдмал.

Зарим нэг онцгой хувь заяатайг нь их, дээд сургуульд оруулж, депутатаар
сонгож үзүүлэн болгоно. Гэхдээ ийм хувьтныг бодох бүрий “хүний төрөл бол зүүний үзүүрт будаа тогтох шиг
олдохуйяа бэрх” гэсэн судрын мөр л санаанд буудаг юм.

Уул нь аль ч гүрэн, төр засагт
хүнд хүчир ажил хэрэг рүү эрч хүчтэй залуусыг уриалан дуудах хэрэг гардаг, уриалдаг
ч, илгээдэг ч ажгуу. Гагцхүү ёс суртахуунаараа
л хоорондоо ялгагддаг.Одоо эмч, багш нарыг хөдөө ажиллуулах гээд янз бүрийн юм амладаг
болж. Хүссэн сонирхсон нь гэрээ хийгээд явдаг, дургүй хүрвэл гэрээгээ цуцлаад ирдэг.
Гэхдээ гурван жил сууна гэж бүлтрэн байж баахан юм хусчихаад бултах гэвэл гэрээнд
заасан хариуцлагаа хүлээж л таарна л даа. Хэвийн л зүйл.

Америкийн энхтайвны корпусынхан бас л нэг маягийн илгээлтийн эзэд.
Тэд өөрийн хүслээр эр зориг, амьдрах чадвараа
сорьж, хал үзэж хат суухаар дэлхийн хамгийн буурай хоцрогдсон орныг зорьдог. Тэд
зочны ёсоор биш тэндхийн хүний ёсоор амьдран хүмүүнлэгийн үйлст зүтгэнэ гэж тохирдог.Сайн
дурынхан хугацаатай бол харин илгээлтийн
эзэд хугацаагүй, эргэх замгүй.

Хувь заяаны илгээлтээр хүний
хорвоод мэндлэгсэд гэж бий. Тийм хүмүүс “бурхад ямар ч дүрээр заларч болно” гэлээ
гэдэг шиг язгууртны хантааз, жолоодогчийн гаанс, слесарчийн хүрэм, хоньчны шилбүүртэй
ч бидний дунд ирдэг. Тэднийг бид танихаасаа танихгүй нь их. Хувь тавилангийн илгээлтийн
эздийн зарим нь насан туршдаа их үйлсийг бүтээсээр, нэр нь цуурайтсаар явдаг. Зарим
нь ганцхан өдөр ганцхан цагт хүний түүхийг эргүүлэлцэж өгөөд алга болдог, мартагддаг.

Аугаа үйл хэргээ урт удаан үргэлжлүүлдэг хүмүүсийн нэр алдар мөнхөрч,
үйл хэрэг нь хойч үеийнхээ дуурайл болж, зураг хөрөг нь түүх шасдирт ордог.

Түүх үргэлж сайжирч, хүн ямагт ухаажих тийшээ явдаг ажгуу. Ер бусын
жигтэй учрал тохиолоор огцом сонин эргэх хүний түүх үргэлжлэхийн хэрээр гайхамшгийг
бүтээсэн атлаа гавьяа нь үл ажиглагдах, дорхноо мартагдах баат­руу­дыг үнэлж хүндлэх
болжээ, ялангуяа өрнө­дийн соёлын ай савынхан. Лондоны Вестминстрийн сүм дэх нэр
нь үл мэдэгдэх цэргийн шарилаас эхлээд Москвагийн Кремлийн тэндэх нэргүй баатрын мөнхийн бамбар хүртэл иймэрхүү баатруудын алдрыг сануулж байдаг аа.

Бид ч гэсэн тийм баатруудтай.Чингэс хаан, Богд хаан, Жалханз, Данзан,
Бодоо, бас Сүхбаатарыг бид мэднэ. Бидний түүхийг эргүүлж, залж шинэ шинэ үеийг оройлон
эргүүлэх тавилан эдэнд ноогдож байж. Харин
тэднийг тойрон хүрээлж, дагаж ирсэн, мянган сайн гавьяа байгуулахаас эхлээд ганцхан
зөв алхам хийгээд дууссан баатруудыг харин бид
нэрлэж мэдэхгүй. Ямар ч л байсан аль аль нь бидний хувь заяаг өөрчлөх илгээлтийг
өвөрлөж төрсөн улс гэдгийг бол мэднэ.

Өдгөө 1990 оны ардчилсан хувьсгалын ой тохиож байна.Энэ хувьсгалыг
оройлсон, түүчээ нь болсон хүмүүсээр би бахархдаг. Өнгөрсөн хойно янз янзаар ярих
хүн ч зөндөө л байдаг, угаасаа ч тэгдэг л жамтай хойно.

Энгүүнээр бодоод үзье л дээ. Юу ч хийсэн өөрийгөө зөвтгөх дархан
эрхээр хам­гаалагдсан тогтоцын өмнөөс босох, ялангуяа улаан хувьс­галд дургүй байсан гэх шалтгаанаар, цаашдаа дургүй хүн гаргахгүй гэсэн бодлогоор Монголын
насанд хүрсэн таван эр хүн тутмын нэгийг буудан хороосон туршлагатай байгууллагыг
сөрөн зогсох амархан юм гэж үү?

Жирийн нэг хурал дээр, байдаг л нэг даргыгаа шүүмжлэхэд хүртэл ямар
хэцүү байдаг билээ дээ? Надад юм саначих бол уу? Цаашдаа ахиж дэвшихэд нөлөөлөх
бол уу гээд түмэн болгоомж, мянган айдас сэтгэлд хургаж, их төлөв “За даа ингэж
хар толгойдоо булуу хураасанд орвол мөрөөрөө явах нь өлзийтэй” гэсэн дүгнэлтэд хүрдэг
дээ.

Тийм атал буутай, хууль­тай, цагдаатай шоронтой ба буудах, хорих,
цагдуулах, эцэст нь энэ бүхнийгээ зөвтгөх хууль­тай тогтоц руу “Чиний буруу, зайл”
гэж хэлэх ямархан гэж бодогдоно вэ? Танд.

Бас “Дэлхий даяараа со­циализм нуран унаж байсан учраас Монгол орон
ардчиллын зам руу орох нь гарцаагүй байсан, ардчиллын хэд бол яахав дээ” гэж ярьцгаах
юм. Тэднийхээр бол нэг өглөө л ардчилсан болчихоод сэрэх байсан юм шиг, улс төрийн
товчооныхон “Бодоод байхнээ бид та нарыг үнэмлэхүй эрхтэй жолоодох нь буруу юм шиг
санагдчихлаа. Таминь сөрөг нам байгуулаад аль. Тэгээд энэ засгийн жолоогоо эргүүлж
авна уу” гээд хадаг яндар болчихсон зогсож байх юм шиг, Дотоод яамны чекистүүд
“ За та нарыг тагнасан нь ёстой осол болжээ. Одоо дуртай дуртайгаа бурцгаа, Өвөөг
чинь буудсаныг бол ойлгоно биз дээ? үб аа” гээд үнсэх байсан юм шиг…Чингэстэй
Чингэсгүй Монголын тулгар төр байгуулагдах
байсан юм шиг, Богдтой Богдгүй тусгаар тогтнолоо зарлах ч байсан юм шиг,
Сүхбаатаргүй Сүхбаатаргүй 21 оны хувьсгал ялах л байсан аятай… Цаашлаад аавтай
аавгүй олдож, ээжтэй ээжгүй төрөх л байсан гэдэг шиг. (энэ өгүүлбэрийг био­технологи,
колонийн аргатай холбож тайлбарлаад тэнээд
явчихваа, таминь)

Тийм болохоор би 1990 оны ардчилсан хувьсгалыг оройлсон чин зоригтнуудаас
эхлээд, уухайлсан баатрууд, халуунаар дэмжигчдэд, ухаа­ран ойлгогчид бүгдэд баяр
хүргэмээр байна. Хувьсгалыг оройлсон нь гавьяа, тэсгим хүйтэн өдрийн жагсаалд зориглон
очсон ч гавьяа, “Намын үүрийн идэвхтэн юм уу, дотоодыг хамгаалахын агенттай таарчих
вий” хэмээн айсхийж малгайгаа дарж өмсөөд очсон ч байг гавьяа, “Ардчилсан холбооны
хүүхдүүдийн зөв юм даа” гэж уртаашаа ганц
хүнд ярьсан ч гавьяа, юу ч хийгээгүй, юу ч яриагүй байг хамаагүй гэхдээ “Намын эсрэг
бүлгийг дараад аль” гэж хянан шалгахад за­хидал бичээгүй байхад л гавьяа… хувьсгал
шинэчлэл гээч мянга мянган хүн байх л учиртай газартаа байсны шанд биелдэг үйл хэрэг.
Харин үр жимсийг нь бүгдээрээ, жад­лан эсэргүүцэгчид хүртэл амсаж хүртэж болдог найрын ширээ.

Та нарт хувьсгал удирдахаас эхлээд, үндэсний улстөрч хөвүүд болох
хүртэл, зах хязгаарын бяцхан суманд зууны
турш ноёлсон улаан тугтай зэрэгцүүлээд цэнхэр далбаагаа намируулахаас аваад шийдвэрлэх
ганц жаг­саалд хойхнуур зогсох хүртэл түмэн
янзын тавилан оноож бурхан бидэнд илгээсэн билээ.

Та нарын нэр ус судар шастирт
мөнхрөхөөс эхлээд сураггүй мартагдах хүртэл түмэн тавилантай. Гэхдээ л та нар бол
бурхны илгээлтээр төрөгсөд. Монгол үндэстнийхээ
хувь тавиланг шинэчлэхээр илгээгдэгсэд. Хувь
тавиландаа эзэн байж, ухаарах л хэрэгтэй
өдрөө ухаарч, ирэх л ёстой цагтаа ирж, байх л хэрэгтэй газраа байж байсны чинь төлөө
та нартаа талархъя. Та нар минь хувь тавиландаа, бурхны илгээлтэндээ эзэн байж чадсан
билээ. Тийм болохоор хувь тавилангийнхаа өмнө нүүр бардам зогсох эрхтэй.

Ээ дээ мөн ч цөөхөн хүнд Бурхны өөдөөс дальдрахгүй харах тавилан
ногддог юм даа.

2009 оны
12 сарын 9

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Төмөр замаар овоглосон РАШ ИЙНХ

Монгол Улсын хөдөл­мө¬рийн баатар, гавьяат тээвэрчин Раднаабазарын Раштай хууч хөөрч өнжлөө. Дундговийн зон олны итгэлийг хүлээж Их хуралд найман жил суун төр түшилцсэн, С.Баярын Засгийн газрын үед Зам тээ¬вэр, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан уг эрхмийг төрийн түшээ, сайд гэхээсээ илүү “Төмөр замын” хэмээн тодотгох нь бий. Энэ нь ч аргагүй юм. Тэрээр далан найман оны наймдугаар сарын зургааны өдөр Чойрын өртөөний жижүүрээс ажлын гараагаа эхэлж, дар­га даамлыг нь хүртэл амьд¬ралынхаа дийлэнх он жилүүдийг ган замчдын дунд өнгөрүүлсэн нэгэн. Өөрийнх нь хэлснээр “буг” болтлоо ажиллажээ.  Өнөө хэр нь Төмөр замдаа харьяалагдаж байна. Вокзалын зүүн хойд талын байранд нь хүрч очлоо. Хөдөлмөрийн баатар маань гэргий, бага охиныхоо хамт угтав. 

Зочны өрөөнийхөө ханын шүүгээнээс даалин хөөргөө авчраад цагаан хөөргөөр тамхиллаа. “Намаржаа сайхан уу, мал сүрэг мэнд үү, ажил алба тавтай юу” хэмээсэн нь уулзсан нэгэнтэйгээ “сайнуу, юу байна, өглөөний мэнд” гэсхийгээд өнгөрдөг надад их сайхан сэтгэгдэл төрөөд явчихлаа. Нуруу тэнийгээд айван тайван болоод явчих шиг. Гэргий бага охин хоёр нь цай цүй гээд гал тогооныхоо өрөөнд наана цаана болох зуурт зочны өрөөнийх нь ханан дахь гэр бүлийнх нь зургийг сонирхлоо. “Манайх чинь хоёр охинтой айл” гэж гэрийн эзэн өгүүлснээ  “Том охин маань Их хурлын Тамгын газар ажилладаг юм. Одоо хүүхэд гаргаад гэртээ байгаа” гэв. 

“1978 оны зургадугаар сарын 13-нд том охин Оргилмаа Ленинград хотод төрж, би гурав хоногийн дараа буюу 16-нд дипломоо хамгаалж төмөр замын инженер болж байлаа. Энэ бол миний амьдралд тохиолдсон баярт мөчүүдийн нэг, оюутан цагийн мартагдашгүй дурсамж. Том охинд маань Оргилмаа гэдэг нэрийг манай сургуулийнхан өгсөн юм. Фонтанка гэдэг нь манай сургуулийн урдуур урсдаг голын нэр. Түүний нэрийг монголчлон эхний үе болгон авч түвдээр эмэгтэй, эх дагина гэсэн утгатай “маа”-г залгаж бүтээсэн утга учиртай нэр. Намайг сургуулиа төгсөөд диплом хамгаалах үеэр аав, хадам ээж хоёр минь очсон байсан. Нутаг руугаа хөдлөхийн өмнөхөн аав “Миний хүү сургууль дээрээ очоод сургуулийнхаа хаалганд мөргөөд нэг адис авчих” гээд явуулж билээ. Тэнд нэг учир начир байсан байх гэж одоо хэр нь боддог юм. Нутаг руугаа буцаж явахдаа “Би энэ сургуулийн хаалгаар дахин орох ч билүү, үгүй ч билүү хэн мэдлээ” гэж бодож байлаа. Гэтэл хувь тавилан хөтөлж УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн 2009 оны өвөл ОХУ-д хийсэн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд багтан Москвад очих үеэрээ сургуулийнхаа 200 жилийн ойд оролцох завшаан тохиосон” хэмээн дурсамж дурдатгалаасаа хуваалцлаа. 

Раш баатрын гэргий Мягмарсүрэн гэж нүдээрээ инээд алдсан даруухан эмэгтэй байна. Украины Киев хотын технологийн дээд сургуулийг төгссөн хөнгөн үйлдвэрийн инженер, зохион бүтээгч мэргэжилтэй нэгэн ажээ. Гутлын үйлдвэрт мэргэжлээрээ олон жил ажилласан гэнэ. “Сүүлд үйлдвэрийнхээ хажуугаар явахад өөрийн эрхгүй харамсах сэтгэгдэл төрдөг байж билээ. Ямар сайхан үйлдвэр байлаа, яаж зүтгэж явлаа гэж бодогддог юм билээ” хэмээн Мягаа эгч бодлоо хуваалцсан юм. Тэрээр туйлын даруу нэгэн. Хөгшинтэй нь хууч хөөрч байхад барагтай бол зочны өрөөгөөр орохгүй. Хэрхэн танилцсан талаар нь хэрэг болгон асуухад “Бид хоёр далан долоон онд танилцаад Москвагийн Элчин дээр бүртгүүлж байлаа. Хоёулаа оюутан байсан үедээ” гэх товчхон хариултыг өгсөн. Баатрынх одоогоор хоёр зээтэй болоод байгаа гэнэ. Том охин Оргилмаагийнх хоёр хүүхэдтэй гэнэ. Эхний зээ хүүдээ Раш гуай Цэрэнноров гэдэг нэрийг өгчээ. Төмөр замд нэгдүгээр орлогч даргаар 23 жил ажиллаж, Монголын талаас удирдсан хүний нэр гэдгийг гадарлах хүмүүс нь гадарлаж байгаа байх. “Төмөр замын хүн болоорой гэсэндээ биш бэлгэшээж л өгсөн хэрэг” хэмээн манай хүн мушилзаж суулаа. Бага охин Ундармаа нь Хятадад сурч байгаа гэнэ. Амралтаараа аав ээждээ ирчихээд байгаа бололтой.  

Юунаас ч боллоо доо, Раш гуайтай судар номын талаар яриад явчихсан. “Ээж маань судар номтой сүрхий хүн байсан. Миний мэдэх гэж юу байхав. Ганц нэг тарнитай л хүн. Харин өөрт минь өлзий болох байх гэж бодоод өглөөдөө төв гандангаа нэг тойрч алхдаг юм” гээдэхэв. Баатар өглөө долоон цагийн алдад гэрээсээ гарч алхуулсаар Гандантэгчинлэн хийд, Мэгжиджанрайсиг шүтээнээ нар зөв тойрон гороолчихоод гэртээ ирдэг байна. Гандантэгчинлэн хийд гэснээс Чой хамба Раш баатар хоёр нэг ангийн нөхөд юм билээ. Рашийгаа улс төрд хүч үзэн Дундговьд нэр дэвшихэд “Раш бол УИХ-д хэрэгтэй хүн” гэж хамба маань сүрхий улс төржөөд “Бид хоёр арван жилийн 28 дугаар сургуульд хамт суралцаж байлаа. Тэр үеэс бие биенээ сайн мэднэ. Их төлөв даруу хүүхэд байсан юм даг. Дараа нь Ардын их хурлын депутатаар сонгогдож Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг хамт баталсан түүхэн барилдлагатай хүмүүс” хэмээх батлан даалтыг говийн аараг толгод руу илгээж байсан удаатай. 28 дугаар сургуульд Чой хамбаас гадна Сангийн сайд Ч.Улаантай хамт нэг танхимд аравдугаар ангиа дүүргэсэн гэж байгаа. “Манай Улаан бол тоо физиктээ гаргуун, тун цэвэрч нямбай хүүхэд байж билээ” гэж дурссан юм.

“Та ойрд өнөө хэдтэйгээ уулзаж байна уу” гэж яриан завсар асуугаад авлаа. “Өнөө хэд” гэдгийг манай хүн шууд ойлголгүй хаачихав. Саарал ордонд найман жил суусан төрийн түшээд их л дотно сонсогдсон байх. -Саяхан үсээ засуулангаа ордон орлоо. -Өө тийм үү, та ордныхоо үсчинд засуулсан хэвээр байгаа юм уу. 

-Дассан газрын даавуу зөөлөн гэгчээр тийшээгээ сажлах юм. Тэгж нэг очихдоо саяхан Нямдорж таарлаа. Цаад чинь тун давгүй эр хүн ш дээ. Бид хоёр баахан ярьж зогслоо. –Та хоёр тэгээд юу ярив даа. –Украин Оросын асуудлыг ярьсаар байгаад хамаг цагаа авсан гэв. “Өнөө хэд”-тэйгээ гэх асуултаас улбаалаад бид хоёрын хооронд ийм яриа өрнөөдөхөв. “Гэр бүлийн найзууд юу билээ” гэж асуухад “Их хурал талдаа бол Одбаяртай холбоотой. Тэрбишдагва сайдтай тун дажгүй. Хөвсгөлийн Даваасүрэнтэй хааяа бүр ахаа эгчээ” гэлээ. За тэгээд Нямдорж, Лүндээ хоёроо нэрлэсэн. Эд бол улс төрийн хүрээнийхэн нь. Урлаг, спорт, төмөр зам гээд явбал тоо томшгүй олон хүний нэр дурсагдах ажээ.       

“Оройхондоо Өлзийт хорооллын тийшээ морь мал руугаа очдог юм билүү” гэв. Мань хүний уг ярианаас үүдэн, ханын шүүгээний дээд талд зэрэгцүүлж өрсөн баахан “морьд”-той холбогдоод яриа хөөрөө маань адуу мал руу хэвийлээ. Раш гуайн өвөг дээдэс хурдан хурц хүлгүүдээрээ зартай, адууны нутаг Эрдэнэдалайдаа адуугаараа гайхагдаж явсан хүмүүс байжээ. Ардын хувьсгалын 25 жилийн ой буюу 1946 оны улсын наадамд говь нутгаасаа ирж ажнай хүлгүүдээ Хан уулын ар, хатан Туулын хөвөөнөө хурдлуулж байсан түүхтэй гэнэ. Тэдний удмынхныг ус голынхон нь Дориуныхан гэдэг байж. 

Дориун гэдэг нь Раш гуайн аав Раднаа даргын төрсөн ах. “Дориуныхан Баян улаан хөтөл усны аманд адуугаа хураахад ам тэр чигтээ дүүрч байвал бүрэн байна гэж багцаалддаг байсан” тухай Дэлгэрхааны “Малига бүргэд” Пэлжидийн Бат-Очир арслангийн хүү Монхор дурссан байдаг. Тэгэхээр ямархан хэмжээний адуу малтай овог айл байсан нь мэдрэгдэнэ. Мөн говь нутгийн алдарт адуучин Намхайн Ичинхорол хөдөлмөрийн баатар цол хүртээд Монголын радиод өгсөн ярилцлагадаа “Мал маллах арга ухааныг би Дориун гэдэг хүнээс сурсан” хэмээн ярьсан нь бий. Ийм л эцэг өвгөдийнх нь заяа түшсэн үү, 2001 оны наян жилийн ойгоор Рашийн хүрэн азарга төрийн наадамд аман хүзүүдсэн билээ. Морьдынх нь уяа сойлгыг тод манлай Д.Онон тааруулжээ. Тэр жил мөн Ононгийн хээр магнайлж тэдний уяаныхан хавтай сайхан наадсаныг сонирхууллаа. “Миний хүрэн азаргыг Буянт-Ухаагийн буурал дэнжид аман хүзүүдээд ороод ирэхэд зургийг нь дараад, тухайн фотогоо харж байгаад үүнийг Дашзэвэг зураач зурж надад бэлэглэсэн юм” хэмээн мань хүн хэдийнэ суудлаасаа босч харайгаад хананд өлгөөтэй зурагны өмнө зогсож байна.

Уг зурагны эсрэг талын хананд Раш гуайн хөдөлмөрийн баатрын тэмдгээ зүүж буй торгон агшин дурайна. “Та чинь 2005 онд баатар болсон билүү” гэж лавлахад, тийм ээ гэв. Гэтэл тухайн мөчид гэргий нь чихэр жимс, хиам талх зэргийг ширээгээр өрөөд буцахдаа “Хөгшөөн 2004 онд баатар болсон шүү дээ” гэлээ. Манай хүн, өө тийм билүү, нээрээ сонгуулийн дараа болсон доо гээд инээвхийллээ. Багабанди гуайгаас баатрын алтан соёмбот тэмдгийг авч буй зурагны доод талд гэрийн эзэнд хүмүүсийн зориулж бичсэн шүлэг зохиол, дурсгалын зүйл, өргөмжлөл диплом, одон медалиуд ёстой нэг зулаастай байна даа. Тэр бүгдийг сонирхсон шигээ хэсэг зогсоод гоёмсог буйданд нь дахин шигдлээ. Хоёул хөгшнийх нь будаатай цайг амтархах зуурт баатар “Америкийн конгрессийн гишүүн Раш гэж хүн байдаг. Монголд ирэхэд нь уулзаж байлаа” гэснээ хоёр нүдээ сүрхий жуумалзуулж ирээд “Тэр жил Зава Дамдины хийдийн сэргээн босголтод оролцохоор Дэлгэрцогтод шөнө дүлээр очсон юм. Хоноглох газар байдаггүй эмнэлэгт хонолоо. Тэгтэл хажуу өрөөнд нэг бүсгүй амаржиж охин хүүхэд төрүүлжээ. Намайг ирж хоносонд бэлгэшээсэн үү, охиндоо Рашмаа гэж нэр өгч билээ” гээд өөдөөс ширтээд авлаа. “Чамд сонин байх болов уу гэх үүднээс үүнийг хэллээ шүү” гэх зүйл харцнаас нь уншигдаж байна. 

“Та бол төмөр замынхаа тухай эл дол болтол ярьсан хүн. Гэхдээ мэдээж танаас асууж таарна. Эхлээд улс төрд орох болсныг тань дахин сонирхъё. Намбарын Энхбаяр анх санал тавьсан гэдэг билүү” гээд тууж орхилоо. Тэрээр шууд л “Тэгсэн юм” гээд цааш нь ингэж ярьсан юм. “Энхбаяр дарга Дундговь руу таныг явуулна гэж байна. Би бол төмөр замдаа хоргодоод байдаг. Өмнөх сонгуулиар мөн л намайг дэвшүүлэх санал гарч байсан. Гэвч би Сүрэнд байраа тавьж өгч байв. Өмнөх гэдэг нь 2000 оны сонгууль шүү дээ. Ингээд Дундговийн намын хорооны хуралд явж очоод дэвшинэ ч гээгүй, үгүй ч гээгүй бөөрөнхий хариу өгчихөөд хүрээд ирсэн хүн шүү дээ, би. Тэгтэл намайг М.Энхболд дарга Баянгол дүүрэгт нэр дэвшүүлнэ гэдэг юм аа. Хотын намын хорооны даргын хувьд хэлж байгаа хэрэг. Би татгалзлаа. Маргааш нь Энхбаяр дарга дээр ороод Дундговьд дэвшье гэдгээ эрсхэн хэлсэн. Тэгэхдээ гурван зүйл санал болгосон юм” гэв. Тэдгээр нь юу байсан гэхээр “Би аж ахуйн хүн. Наад улс төр гээчийг чинь сайн мэдэхгүй. Түүнд тус дэм болоорой. Төмөр замын даргаар өөрийнхөө орны хүнийг би өөрөө мэдэж санал болгоно” гэж тулган хүлээлгэсэн байна. 

Ингээд мань хүн төрөлх нутаг руугаа гараад өгчээ. “Урлаг соёлынхноос таныг хэн хэн дагаж явсан бэ” гэхүйд “Хурд хамтлаг явсан. Манай төмөр замын хүүхдүүд шүү дээ” гэж сүрхий өмчирхөөд авна лээ. Тэрээр ялалт байгуулна гэдэгтээ итгэл дүүрэн байсныг нь дараахь ярианаас анзаарсан юм. Түүний гол өрсөлдөгч нь ардчиллын Лантуугийн Алтанхуяг гэж нөхөр байж. Раш даргаас санаа оноо авдаг, наануу цаануугаа асуудаг, эдийн засгийн тус дэм ч хүсдэг байсан аж. Уулзах бүртээ “Та Дундговьд очихгүй биз дээ” гэж асууна. “Үгүй ээ” гэхийг нь сонсоод уужирдаг байсан нь мэдээж. Тэгтэл яалт ч үгүй дэвшихээр болоод хамгийн түрүүнд өнөө Алтанхуяг руугаа ярьжээ. “Ах нь дэвшихээр боллоо. Намын даалгавар, одоо яая гэхэв. Миний дүү тийшээ очоод нэмэр байна уу, мөнгөний гарз биз дээ” гэж шуудхан хэлээд авч. Үндсэндээ томорсон байгаа юм.  Рашийг очих нь гээд Ардчилсан хүчнийхэн нэр дэвшигчээ яалаа гэж татах билээ. Алтанхуягаа тулаанд мордуулах нь мэдээж. Их хуралд Дорнодын Одбаяр, Төв аймгийн Сүхбаатар, Монголбанкны Пүрэвдорж нартай тохой нийлүүлж суусан байна.  “Их хурал гэдэг чинь далай шиг өргөн дэлгэр харчуудын цугларалт юм” гэж гэрийн эзэн маань сүрхий бодлогошронгуй суугаад хэлж байна. Тухайн агшинд шугамын радио ёнгиноод явчихлаа. Их үдийн цаг агаарын мэдээ явсан нь тэр. “Малчид, тариаланчдын анхааралд” гээд байх шиг дуулдсан. Раш гуайнх шугамын радиогоосоо салаагүй нь мөн л таатай сэтгэгдэл төрүүлсэн юм. 

“Та Их хурлын танхимд монгол ухаан нэвт шингэсэн айхтар үг хэлдэг, нуруулаг хүмүүсийн нэг байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Мөн зарим үед хэлсэн үг чинь гишүүдийг хөгжөөж инээдэм наргиан ч болж байсан үе бий дээ” хэмээн ширээг нь тохойлдож баатар руу налаад сүрхий асуулаа. “Үгүй ээ, яахав дээ. Миний үгийг цаад хэд чинь сонсдог л байсан. Ямар нэгэн асуудал дээр намайг хэрхэн хандаж байгааг сүрхий ажиж анхаардаг нэг нь байсан л байх. Намын нөхөддөө ч би хатуу үг хэлдэг л байлаа. Уулын оройгоор дарцаглаад явах яах вэ. Бэл рүүгээ бууж аргал түүвэл яасан юм бэ гэж хэлж л байсан. Сайд байхдаа “Зам тээвэр гэдэг үг чинь өөрөө сахилга бат гэсэн үг” хэмээн хариуцлагатайгаар мэдэгдэж байлаа. Мөн аялал жуулчлал гэдгийг “аятайхан мөнгө олох уут, томоохон үүц нөөц, улс орныхоо нүүр царайг дэлхий нийтэд харуулах цонх” гэж хэлж байсан. Баяр, Лүндээ, Нямдорж бүгд л миний үгийг анхаарч сонсдог байсан даа. Нэг удаа чуулган дээр “Та хэд гадуур дотуур явж гадна дотнын хүмүүстэй нөхцчихөөд тэдний эрх ашгийг хамгаалсан хууль батлах гэж улайрч байна” гэж хэлээд танхимыг нэрхийтэл инээлгэж байлаа. Нөхцчихөөд гэдэг үгийг манай нөхөд буруугаар ойлгож намайгаа дамшиглаж байгаа байхгүй юу. Засгийн газрын хуралдаан дээр  шиг санагдана. Хотоос гараад явахаар замд “хурд-үхэл” гэсэн машины сэг байж байх юм. Анхааруулсан, болгоомжлуулсан зүйл гэдгийг нь мэдэж байна. Гэхдээ энэ чинь монгол хүний оюун ухаанд бууж өгөхгүй юм аа. Машины сэг хараад, үхэл гэсэн үгээр үдүүлээд замд гарч байгаа хүмүүсийн санаа сэтгэл ямар байх уу гэж хэлэхэд Баяр сайд жигтэйхэн инээж билээ. Арван хоёр оны хавар билүү, Үүл баатартай маргаад. Бат-Үүл “олонхид дарлуулдаг цөөнх гэж юу байхав” гэхээр нь зөрүүлээд “цөөнхөд дээрэлхүүлдэг олонхи гэж байхгүй байх аа” гэж хэлсэн удаатай” гэв. 

Буурал баатар маань энэ мэт олон зүйлийг хэлснээс цөөн хэдийг нь хүргэж байгаа минь энэ л дээ. “Манай ажлын өрөөгөөр нэг орох уу” гэж гэрийн эзэн хэлэв. Тэгээд унаагаа дуудлаа. Манай зурагчинд мань хүн зургаа даруулах гэж сүрхий юм болоодохов. “Ах нь энэ цамцыг солиод орхиё. Бараантаад нэг л олигтой гарахгүй нь лав” гээд ухасхийлээ. Тэгснээ “Миний охион аавынх нь нэг цэнхэр цамц байдаг даа. Тэр хаа байна. Ээж нь хааччихав аа. Ээж нь л сайн мэдэх ёстой” гээд цаад өрөөгөөр алга боллоо. Энэ хооронд зочны өрөөнд тохоостой байх ланжгар хоёр мөнгөн эмээлийг сонирхлоо. Хэн хүний нүд булаахаар эртний хийц бүхий эмээлүүд байна. Раш баатар цэнхэр цамцаа олоод өмсчихсөн, хүүхэд шиг цамц руугаа хараад тэнгэр цэлмэсэн мэт л ороод ирэх нь тэр. “Энэ хоёр эмээлийн тухай танаас асуух гээд” гэхүйд “Эдээрээ гайхууллаа гээд улс амьтан дургүйцэх л байх даа. Гэхдээ яахав, сонирхож байгаа учир түүхийг нь хэлье. Ааваас минь өвлөгдөж ирсэн юм аа” хэмээн баруун талынх нь эмээлийг зааж байна. Хансан занги гэж өвөг эцгийнх нь үнэт өв бололтой. Өвөг эцгээс нь эл эмээл, мөн өөрийн гараар бичиж үлдээсэн “Жадамба” судар хоёр Раш гуайнд хадгалагдаж байгаа ажээ.

Раш гуай эмээлийн бүүргэнд ороогоостой байгаа суран жолоог зааснаа “Хойшоо сургуульд явахад аав минь “Миний хүү туруут морь яваад хүрэхгүй, тураг шувуу нисээд очихгүй хол газар явлаа” гээд энэ суран жолоог хадагтай барьж билээ” хэмээсэн. Тэгээд аавынхаа тухай жолоочоо хүлээх зуур тохоостой эмээлээ түшиж байгаад ийн өгүүлсэн юм.   

“Миний аав гэрийн боловсролтой, тухайн үеийнхээ том сэхээтэн байлаа. Арван хоёр настайгаасаа төр улсдаа зүтгэх ажлаа Говь түшээ гүний хошууны тамгын газар тал бичээчийн албаар эхэлсэн юм билээ. Дундговь аймгийг 1942 онд Ембүүдэрсэнэ-Ус гэдэг газар анх байгуулагдахад шавыг нь тавилцсан арван долоон хүний нэг. Сүүлхэн үедээ Эрдэнэдалай сумын дарга, намын үүрийн нарийн бичгийн даргын албыг цөөнгүй жил хашсан. Төр улсынхаа хөгжил түүхийн ачааны тэнг таталцаж явсан сайхан зам мөртэй хүн” хэмээн эцгийнхээ тухай өгүүлж байхад жолооч нь ярилаа. Гадаа ирчихлээ гэдгээ хэлэх бололтой. Ингээд “төмөр замын Раш”-ийн хар машинд суугаад төмөр замынх нь ажлын өрөөгөөр орлоо. Гэрийн гаднаас л хүмүүс мань эртэй мэндлээд сүйд байна. Нэг хүүхэд сүрхий мэндэлсэн нь Өлзийт хороололд хурдан морь унадаг аваргуудын нэг гэнэ. 

Төмөр замын удирдлагууд буурал “хурандаа”-даа скалад байсан өрөөгөө суллаж тохижуулж өгчээ. Томоо гэгч цэлгэр сайхан өрөө байна. Гишүүний өрөөн дэх бүхий л дурсгалт зүйлс, ном бүтээлээ авчирчээ. Сайд болоход нь өөрийн унасан газар Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутгийн зөвлөлөөс дурсгасан зураг байна. Тэрээр Эрдэнэдалайн хүн. Гэхдээ яг төрсөн нутаг нь Дэлгэрхааны Баян уулын Булаг гэдэг газар юм билээ. Тавин гурван оны усан могой жил Раднаа даргынх Эрдэнэдалайгаас Дэлгэрхаанд оторлон нутаглах жил нэг хүү төрсөн нь өнжиж буй айлын маань эзэн хөдөлмөрийн баатар ажээ. Өрөөнд нь Ленин, Ганди нарын хөрөг баримлаас гадна Самбуу даргын хөшөөний эх загвар байна. 

Тэр тухай сонирхоход “Би Самбуу гуайг хүндэлж дээдэлж явдаг юм. Самбуу гуай манай эцэгтэй ойр дотно нөхөрлөж явсан юм билээ. Өмнөговь аймгийн дарга байхдаа Эрдэнэдалайгаар дайрч манайхаар хонож өнжөөд явдаг байсан гэдэг. Манай том ах Содномдорж “Би та нарыг бодох юм бол Самбуу даргын хоолыг хийж байсан хүн шүү” гэж томордог сон. Энэ баримлыг Самбуу гуайн Сүрэнжав надад дурсгасан. Самбуу дарга Хойд Солонгост Элчин сайдаар сууж байхдаа тэднийд цөөн тооны мал бэлэглэхээр амласан юм билээ. Тэгээд өгч авч амжилгүй явсаар өнгөрсөн зууны ерээд он гаргасан. Хойд Солонгосын төмөр замын яамны сайд тэр малыг авахаар ерэн нэгэн онд Монголд ирлээ. Би тэр хүнд тусгай вагон гаргаж хэдэн сайхан эм хонь, саваг нь газар шүргэсэн сарлаг, нас гүйцэж дэрийсэн сэрх, унагатай гүү гэхчлэн тэмээнээс бусад бүх малыг ачиж явуулсан. Аавтай дотно явсан тэр хүний төрийн өндөр түвшинд амласан бэлгийг насан өөд болсноос нь хойш гучаад жилийн дараа Ардчилсан Солонгосын ард түмэнд хүргэх ажилд тэгж гар бие оролцсон” хэмээн хуучиллаа. 

“Сочигийн өвлийн олимпийн дараа таны нэг зураг интэрнэтээр баахан “од” болж, багагүй баалуулсан даа” гэж асуугаад авлаа. Тэгтэл өөдөөс “өнөө эмгэн чинь хэн билээ” гэж байна. “Ямар эмгэн билээ, өө танхай эмээ юу” гэхэд, “Тийм ээ. Танхай эмээ чинь надад үүргэвч үүрүүлж цана углуулаад сүйд болсон доо. Би тэр зургийг хараад өөрөө ч инээд хүрсэн. Манай зээ “өвөө та өөрийгөө харсан уу” гэж явуулж ч байх шиг. Гэхдээ тэр зургаар намайг шоолсон, донгодсон зүйл байхгүй байх аа. Зүгээр л өхөөрдсөн, инээд наргиан болгосон зүйл болов уу. Цанын спортоо Монголын төр анхаарах цаг нь ирсэн юм биш үү гэсэн сануулга гэж боддог” гээд өнөө л хоёр нүдээ жуумалзуулж харагдана.    

Тэрээр өрөөнийхөө дурсгалуудыг сонирхуулах зуурт нэг хүний нэрийг сүрхий гэгч нь хэлсэн нь Эрдэнэт хотын орлогч дарга байсан Гүнсэнгийн Чулуунбат. Уг эрхэм далан гурван онд хойно хамт оюутан байхдаа Раштаа нэг цүнх бэлэглээд “Миний найз Төмөр замын 50 жилийн ойгоор энэ цүнхэнд илтгэлээ хийж очоод ойн хурлыг нээнэ шүү” гэж хэлжээ. Тэгтэл хэлсэн ёсоор нь болж 1998 онд Раш дарга найзынхаа бэлэглэсэн цүнхэнд илтгэлээ хийж бариад Төмөр замын ойг нээж байсан түүхтэй гэнэ. Өрөөнийхөө хойморт О.Дашбалбарын “Тэнгэр шиг бай” шүлгийг хадчихаж. Тэр зүгт харц хандуулахад “Балбар хувилгаан хүн байсан байх, тийм үү. Би тэгж боддог” гэсэн юм. 

Уулзалтын ширээнийх нь ард суугаад хоёул баахуу найруулж уунгаа бас л хүүрнэлээ. Өвгөн баатрын яриаг сонсоод л баймаар. “Балхаажав гуай Их дэлгүүрийн тэндээс алхаад манай өрөөнд хүрээд ирнэ. Хөгшинтэй хоёул хууч хөөрөх сайхан. Түдэв гуайтай ойрдоо ярьсангүй. Наян долоон онд төмөр замын намын хорооны бүгд хурлыг Түдэв гуай удирдаж, илтгэл тавьж байлаа. Тэгэхэд хэлэх үгийг нь би бэлдэж байсан. Тэр үеэс бид хоёр дотно. Сүрэнжав гуай, Цогзолмаа гуай гээд урлаг соёлынхонтой би их ойр байдаг. 2004 онд Их хурал руу явахын өмнөхөн Лувсаншарав гуай гээд аваргуудыг цуглуулж арван хүнд “Хүндэт төмөр замчин” гэх тэмдэг гардуулж баяр хүргэсэн. Түдэв гуай ч ирж байсан. Тэр аваргуудтай дурсгалын зураг татуулсан бол гэж одоо хэр нь бодогддог юм. Лувсаншарав гуайгаас аваад унаад өгч байна даа” хэмээн цайгаа оочлонгоо ярьж байлаа. “28 дугаар сургуулийн маань ой удахгүй болно. Цэсэнжав, Цэрэннадмид, Намжилсүрэн гээд домог болсон багш нараа үргэлж дурсдаг, Гунгаадорж гуайн засгийн үед Бугын Дэжид агуу хүн намайг төмөр замын дарга болгож байсан”-ыг ч мөн л хуваалцсан юм.

Түүнийг ажлынхаа ширээнд очиж суухуйд ширээг нь түшиж зогсоод “Та Багабанди гуайтай хэр дотно вэ” гэж асуулаа. “Дотно бишдээ тэр хүн надад гавьяат тээвэрчин, хөдөлмөрийн баатар хоёрыг өгөх үү” гэж өөдөөс ам асуудаг байгаа.   Ажлын өрөөний хананд сайд байх үеийнх нь зураг байна. “Баяр сайдтайгаа та сүүлд уулзав уу” гэхүйд “Огт үгүй. Сураг алдарсан даа” гэлээ. “Та ингэхэд намдаа гомддог уу. Өнгөрөгч сонгуулиар танд нэр дэвших мандат олдоогүй дээ” гээд бас л тулгаад асуучихлаа. “Уул нь манайхан намайг Баянгол дүүрэгт, төмөр замд минь нэр дэвшүүлнэ гээд за зүй болоод тохирчихсон байсан. Гэтэл намын бага хурлын өглөө баруун хойноос салхилж байсан салхи гэнэт зүүн урдаас үлээгээд манаргачихдаг байна шүү. Ах нь та хэдэд дараа болохоо болъё доо гээд гараад явчихсан” гэлээ. Тэрээр “найман жил төр түшилцэхдээ нэг зүйлийг мэдэрлээ. Өөрийгөө дөвийлгөж байгаа юм биш шүү. Ах нь төрийн хүн юм аа” гэж хэлсэн нь үнэн сонсогдсон. Мөн “манай улстөрчид их л цэцэрхэх юм. Амьдралын үнэн гэдэг чинь хатуу байдаг юм шүү” гэж яриан дундаа хэд хэд хэлсэн нь бодох л үг. 

Раш гуайн ээжийг хөгшин залуугүй Жуужаа хэмээн авгайлж хүндэлдэг байжээ. Арван дөрвөн хүүхэд төрүүлсэн хөгшин. “2001 оны өвөл Их хурлын дарга Л.Энэбиш Дундговь аймагт ажиллахдаа Эрдэнэдалайд очоод буудалд хоноогүй. Рашийн ээжийнд очиж очъё, буянтай сайхан хөгшний бор гэрт хонож, задгай галын цай уух сайхан шүү гээд Энэбиш, Лүндээжанцан нар Жуужаагийн жижигхэн гэрт хонож билээ” хэмээн Раштай нэг хонхрын хүүхдүүд болох соёлын гавьяат зүтгэлтэн Сүрэнгийн Зэвсэг бичсэн байдаг.  

Өдөржингөө хуучилсны эцэст баатрын ажлын өрөөнөөс гарахуйд тэрээр “Намхайнямбуу гуай “Миний энэ хөдөлмөрийн баатрын тэмдэг чинь хотонд байгаа хэдэн хонь минь юм шүү дээ” гэсэн байдаг. Түүн шиг Монголын төмөр замаар хөндлөн гулд тээвэр хийж байгаа хэдэн вагон, замаа засч байгаа шар хантаазтай хэдэн замчид, энэ төмөр зам л ахынх нь амь амьдрал юм. Өдөр шөнийн аль ч цагт вокзал дээр гал тэрэг уухилсаар түжигнэн ирж зогсоход сэтгэлд нар мандах шиг болдог. Ах нь ховорхон хувь заяанд төрсөн хүн шүү хэмээн инээмсэглээд хоцорсон юм. 

Н.ГАНТУЛГА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Айргийн амт нь чимчигнэсэн алтан намрын өнгө юм аа

Намрын уянга, ухаарал, дуурслыг нэвт шингээсэн Мөрдорж гуайн уг дууны ая аялгуунд шувуудын цуваа шиг шаргал өдрүүд ар араасаа зэллэн ирдэг билээ л. Цаг хугацааны хөнгөн гуниг хөндүүрхэн аястай тунгалаг улиралд хүмүүн гэгч сэтгэл зүрхнийхээ дотоод чинад руу улам тэмүүлж, дурсамж дурдатгалынхаа сайханд буй биеэрээ булхах шиг болдог. Хөхүүртэй айраг уруул чимчигнүүлэн исч, хөдөө хээр уртын дуу алсраад, шарга манхан уулсын хормойгоор адуу мал налайн зээ татсан ухаа хонгор өдрүүдийг бурхны бэлэг гэж бодохоос аргагүйд хүрдэг юм. Нэг санах нь ээ, уртхан налгар ч юм шиг, эс бөгөөс огтоос богино ч юм шиг энэхүү зурвасхан цаг мөчид халуу шатсан зуны сарууд хэдийнэ үүл шиг нүүн одож, сэр сэрхэн салхи үлээсэн сэрүүн бумбын орон алгаа дэлгэдэг. 

Жимс ногооны болц нь бо¬ловсорч гүйцэн хаашаа л хар­на арааны шүлс асгаруулам бөн­жигнөнө. Зуны наранд хахарч гашуурсан айраг хамар сэтлэм сэнхийгээд, улцайж нялцайгаад болдоггүй өрөм хуруу зузаан дарайхыг нь яана. Шар сүү болсон тараг аяндаа өтгөрч бүрэлдээд ца¬гаан элэг огтлоод тавьчихсан мэт гайхам сайхан. Гоо үзэс­гэлэнгээ бахдуулж биш­рүүл­сэн байгаль дэлхий шим шүүсээ татахынхаа өмнө байгаа бүхнээ дэлгэж тавьдаг нь учиртай л биз. Уул толгодын бараа хонгортон бүгээнтээд, улмаар алтран шаргалтаж хүүсхэн хүүсхэн салхины намиргаанд хүмүүний амьдрал бөмбөрөөд ч байх шиг.  

Ийм нэг сэтгэлийг шинэт­гэсэн улирал Мөөеөгийн “Галуун цуваа хөвөрсөн, голын ус нь мэлтэгнэсэн, ганган байгаль хосолсон, гоёхон намрын өнгө…”-тэйгээ ирж байна даа. Намрын тухай дуу олон чиг бий. Гэвч тэр бүгдээс аварга Мөрдоржийн хөгжим, Цэрэндэндэв билүү дээ, нэр нь үл мэдэгдэх жолоочийн шүлгийг нь ундруулсан эл дууны бадаг нугалаанд эрхгүй сэтгэл далавчлаад, тариан түрүү сугсарсан хөндий дээгүүр аяны шувууд адил зэллэх шигт болдог бүлгээ. Адарсүрэнгийн хоолойгоор хоногшсон дуу юм. 

Тэр тухай Адуучийн Басхүү “Гэнэт хашааны хаалга нээгдээд Адараа ах сэвхийтэл ороод ирэв. Орж ирж байгаа нь бас л хийморьтой харагддаг сан. Ээж аав хоёроос манай хүн айна. Ээж хүний эх л болсон хойно, гэргий хүүхдээ хаяад хаагуур яваад байгаа юм, архи дарс уугаад байна уу гэж зэмлэлээ. Тэгтэл жаахан хулгаснаа “Аав ээж хоёр минь уучлаарай” гээд “Хүү нь дөнгөж сая Монголын ард түмэн хэзээд ч мартахааргүй, зуун дамжин дуулагдах нэгэн бүтээлийг радиод бичүүлчихээд ирлээ. Ялангуяа намар цагт миний энэ дууг дуулж хүмүүс намрын сайхныг сэрж мэдэрнэ дээ” гэж байсан сан. Тэр нь “Айргийн амт нь чимчигнэсэн алтан намрын өнгө юм аа” гэсэн дуу. Уг дууг дуулуулах гэж төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай Адараа ахыг эрж сурч хайсан юм билээ. Өөр дуучнаар эхлээд дуулуулж л дээ. Гэхэд өвгөн “Та нар миний дотроо бодож амилуулсан намрын өнгийг илэрхийлж чадахгүй байна. Үүнийг ганцхан Адараа л чадна. Би түүний хоолойд зориулж бичсэн юм шүү” гэж  хэлж байсан гэдэг” хэмээн дурссан нь бий. Ингэж Мөрдоржийн “Алтан намар” Адараагийн хоолойгоор олны сэтгэлийг долгилуулж, дуучны өөрийнх нь хэлснээр зуун дамжигдах ерөөлийг олж  шүү. 

“Галуун цуваа хөвөрсөн…” гээд эхлэхээр яалт ч үгүй Хөшөөтийн голын минь халиун шаргал намар санаанд бууна. Сав л хийвэл бодол оюунд ургаад цээжин цаана хөндүүрлэн, хөвсөлзүүлээд ирдэг нь оюутан болох жилийн намар юм даа. Хоёр мянга нэг оны наймдугаар сарын хорин тавны орой ижий аав минь ууган хүү намайгаа эрдмийн аянд мордуулахаар үдэж, гол усныхныгаа хүүхэд хөгшидтэй нь цуглуулж найр наадам үүсгээд, ханагар өвгөд хоймор эзэлсэн хайлган тэр үдшийг яахин мартах билээ. 

Маргааш өглөө хотын унаанд дөрөөлөхийн өмнөхөн аав, хаяа хаяагаа дэрлэн буусан хот айлаа гүүн зэл, үнээн зэлтэй бүгдийг нар зөв гурвантаа тойроод ирэхийг хэлж унаган хүлэгт минь мордуулж билээ. Холын холд одох гэж буйгаа тэгэхэд л анзаарч, хоёр нүднээсээ нулимс сувдруулан явахдаа Хөшөөтийн голын намрыг сэтгэл зүрхнийхээ гүнээс мэдэрсэн сэн. Уул ус минь энхрий дотно санагдаж, голын хойно урд багширсан адуу мал намрын хонгор наран дотор налайгаад, зэлтэй унага мөр мөрөө дэрлэн зүүрмэглэж, бага балчраас жалга довных нь чулуугаар тоглож өссөн Гозгорын тэртээгээс элгэмсэг зөөлөн салхи сэвэгнэн, Баянхангай хайрханы наагуур униар хөөг татаад үлгэрийн мэт санагдаж байсан сан. “Хүний дээдтэй учирч, уулсын сайхныг үзэж яваарай” гээд аав минь хоцорсон доо. 

Намрын сарууд надад ийм л дурсамж дурдатгалын цэнхэр сэвэлзээтэй ирдэг билээ. Багын юм мартагдана гэж үгүй сэн. Сумын төвийн ёотон цагаан байшингуудын дунд ижий ааваа санагалзан нус нулимстайгаа холилдон суусан халтар жаалыг будааны тэрэгтэй ах нар “53”-ынхаа тэвшин дээр “шидэж” олон ч удаа гэрт минь хүргэсэн дээ. Нэлэнхүйдээ амуу тариа асгарсан том тэрэгний тэвшин дээр салхи сөрөн дарцаглаж, гол усаа өгсөн намрын хонгор өдөр гэртээ очих сайхан. Шөнө орой хэдийд ч яваад очиход уяа дүүрэн морьд, гэр дүүрэн хүн угтдаг билээ. Тэгээд л айраг найрын дугараа эргэж, өнөө л Адараагийн “Алтан намар” эгшиглээд хяруу унасан намрын буурал өглөө айлын ах нартай адуунд мордохын бахтайг хэлээд яах вэ. Уулсын орой бууралтсан намрын өглөө адуунд мордоход ухаан санаа сийрэгхэн болдог нь дамжиггүй. Цантай хулсан уурга, хазаарын суран жолоо гар хайраад улмаар хурууны өндөг чимчигнээд ирэхэд биеийн эд эс бүхэлдээ сэрэх шиг болдог юм. 

Хайлган хөх үдшээр уулсаа халиаж суух сайхан. Ертөнцийн жам ёсыг эргэцүүлж, өөрөө өөрийгөө танихын эхлэл тавигдах шиг болдог. Өвгөн цохионых нь сүглийлдсэн орой он жилүүдийн дуртгал шиг санагдана. Улирах ца¬гийн аясаар өвсөн толгой жимбүүрдэн исгэрч хэн нэг­нийг санаж эгээрэхийн бодлогошролд умбуулж орхи¬но. Тийм дээ, намар бол дурсан саналзахын, дуулан гэгэлзэхийн, амраглан хайр¬лахын, ариусан гэгээрэхийн улирал юм. Их, Бага Арцын ам, Хэц өндрийнхөө ноёлог уулсын энгэр ташаагаар адуу хураах гэж манарган туучихдаа Нацагдорж, Явуу, Пүрэвдорж, Ширчинсүрэн, Сэр-Одын намрын шүлгүүдийг уншиж явжээ. 

“Найран дээрээс гараад иртэл

Намрын навчис хийсч байлаа

Налгар тэнгэрээр шувуудтай цуг

Нарлагхан намар зэллэн одлоо

Салхи ч үгүй нам гүм байтал

Шарласан навчис хийсч байлаа

Санаанд ч үгүй аж төрж явтал

Санчигны минь үс цайж байлаа…” гэх Явуугийн бодлогошрол ухаарал, за тэгээд л Нацагдоржийнхоо сэтгэл бөмбөрүүлсэн найргийн мөрүүдээс асгаруулж, Пүрэвдорж гуайн  “…Алтан наранд хэлхсэн юм шиг

Ангир шар өдрүүд ар араасаа цуварч

Айраг, найр хоёроо барж ядсан

Ай даа, мөн урт намар байж шүү

Удахгүй өвөлжөөнд танайтай цуг айлсана гэхээс

Уулын толгой будраасай гэхэд будрахгүй

Усны шувууд буцаасай гэхэд буцахгүй

Уртын дуу шиг уянгалсан урт намтар…”-т нь сэтгэл татагдан явж дээ. Одоо эргээд  дээрх шүлгүүдээс уншихуйд Их Арцын уулсын магнаг тэргүүнийг  илбэсэн салхин сэрчигнээ мэдрэгдэж, унасан морины минь хөлс амтагдах шиг болдог сон.   

Манайх Дэлгэрийн буурал шанаанд буусан тэр намрын саруудыг мөн л мартдаггүй ээ. Гэмтсэн унаганыхаа хөлийг эмчлэх гэж ижийтэйгээ хоёул нарийн шаргал дэрсэн дундуур өдөржин алхалж, унагаа зөөлөн зөөлөн гишгүүлж явсан эмзэг уясуухан цаг юмсан. Дэлгэрийн нууранд хичнээн ч төрлийн шувууд цугласан юм бэ. Тэргэл цагаан сартай үдэш гүүгээ тавихаар оройн сааманд гарахад түмэн зүйлийн шувууд ганганалдан чуулаад сэтгэл зүрхийг хилийн торгон утас шиг жингэнүүлж орхино. Ёстой л нөгөө наран тогорууд цээжинд хошуурсан намар гэдэг нь тэр байлгүй.   

Шувууд чуулсан намрын орой зэгс шагшуурга исгэрэхийг чагнаархан нуурын хаяа дэрлэн унтах шиг жаргал үгүй. Тооноор мэлтийсэн сарны туяа асгараад, түрүүхэнд бүлээд орхисон хөхүүртэй айраг чим чим шуугин исч, тариа будааг нь хураасан хөндийд цагаан шаргал солоом хөглөрөн, тэр зүгт адуу мал үүрсэн янцгаалдана. Аавынхаа тэрлэгийг өрөөлдөж нөмрөөд өглөө эртээ адуунд мордохоор хэвтэхэд өнөө “Алтан намрын өнгө” чинь голын шуугианаас, нуурын тэртээгээс, саахалтынхны хот айлаас дуурьсаж л байна шүү дээ.

Тэр жил Сэлэнгийн Алтан¬булагт алба хааж байсан дүүгээ зорихдоо Сайханы хөтөл дээрээс Орхон, Сэлэнгийн бэлчирийг сэтгэл догдлон харж ой шугуйнх нь шаргал халиун намарт уусч явлаа. Нимгэн цагаан үүлс хошуурсан намрын тунгалаг шөнө гол мөрөн уулсаа ороон эмжээрлэн урсахыг харах бас л сайхан. Нарийн хонгор салхи нь найргийн мөрүүд шивнэлээ гэдэг шиг. Аанай буурал найрагч Пунцагийн Бадарчийн хэлсэнчлэн 

“Сонгинын шар шугуй

Солонгын долоон өнгөтэй

Сор мөнгөн намартаа

Согоо уйдам салхитай…” байдаг биз ээ. Сэрүүн Галттай нутгаа сэтгэл сэнсэртэл санадаг Эрдэнэ баавайнхаа Ононгийн намрыг мөн л үзэж нүд баясан явснаа үл мартнам. 

“…Би Альпийн нурууг үзсэн. Оройных нь цас зунаар хайлж уул тэр чигээрээ ус болоод гоожиж байдаг юм билээ. Үнэхээр сайхан байгаль сэтгэл догдлуулдаг юм. Тэгэхдээ би тэр уулыг Хүүлээ шигээ ер хайрлах сэтгэл төрөөгүй. Хүүлээгээ харах бүрт энэ л бодогддог доо” гэж Мягаа эрхлэгч бичсэн нь бий. Нээрээ л орчлон ертөнцийн хаанаас ч хүмүүний үр нутгийнхаа уулсад, нутгийнхаа намарт сэтгэл хоргоддог ажгуу. Амьдрахуйн сайхныг бэлэглэж, алдаа оноо, цэнгэл баяр, уйтгар гунигийг төрүүлэн хэнийг ч болов гэрэлт ирээдүй рүү хөтөлсөн ус голын намар шиг үнэт эрдэнийг хаанаас ч олохгүй болов уу. Халуут сэтгэлээр цэнгэн, хайр энхрийллээр нэгнээ мөрөөдөн байдаг ч хатуу өвлийн буулгыг мэддэгтээ хадлан бордоогоо бэлдэж, тариа ногоогоо хурааж, хулгана хүртэл хөеөгөө цуглуулан  нүргэлсэн их симфони эгшиглэлээ гэдэг шиг намрын бүхий л хөдөлгөөн дунд хүмүүний амьдрал өрнөнө. Намрын уулс гүн их бодлогошролд автаад дотоод хүчээ бид бүхэнд өгдөг болохоор л цээж хөндүүрлэн татагдаж, сэвшээ хонгор салхинаас нь тарнийн шидийг мэдэрдэг биз ээ. “Амуу тариа найгасан, арвин сүрэг налайсан, айргийн амт нь чимчигнэсэн алтан намрын өнгө” ч жинхэнэ утгаараа гэрэлтэн байна даа. Удаа ч үгүй хяруу мөнгөрөн цавцайж, уяа цэрвэнд сойлттой морьд бөн бөн чичирч, усны шувууд ганганан буцаад улс амьтны сэтгэл дэнслээд ирнэ дээ. 

Н.ГАНТУЛГА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аврагч ирэхгүй

Эхлээд өмнөд хөршийн удирдагч, араас нь умард хөршийн тэргүүн Монголд ирэх нь байна. Олны яриагаар бол В.Путин ерөнхийлөгч манайд бензинээ зүгээр өгөхөөр, Ши Жинпин дарга  манай нүүрсийг зүггүй өндөр үнээр авахаар ирэх бололтой. Ингээд өөрийн юмаа үнэтэй зарж, өрөөлийн юмыг үнэгүй авсан цагт бид ч жаргалын замдаа шуудрах аж.

Үнэхээр ч хүнээр юмаа хийлгэхээрээ компанийнх нь хагасыг зүгээр авна гэдэг, хөрөнгө аваад ирвэл хөөж явуулаад юмыг нь булаах гэдэг бидэн шиг улсад хөгжлийн зам гэж байдаг бол энэнээс өөр зам байх учиргүй.  

Оюу толгойгоо оршуу­лах­даа тулчихсан, таван толгойгоо тараахдаа хүрчихсэн гэж бай­гаа. Барууны хөрөнгө оруу¬лагч¬дыг хөөчихсөн. Хята¬дын бус хөрөнгө оруулагч болгоныг “Хятадын тал” гэж хөөж явуулсаар байгаад  Хятадаасаа өөр сонголтгүй болчихсон.  

Оростойгоо ч эвээ олсон юм байхгүй. Оросоосоо баа­хан айна, оросууд ч өөрөөс нь айхгүй байвал их гомддог гэдгийг бас мэднэ. Гэвч манай бизнес-улс төрийн бүлгүүд оросуудаа бас гол гаргана. Эргээд түүнийгээ оросуудаас айсан, оросууд айлгасан аятай ойлгуулна. Оросыг буруушаахаас бүгд зүрхшээх тул нурсан төсөл, бүтээгүй хөрөнгө оруулалтын асуудлыг хэн ч сөхөхгүй. Яг нарийндаа оросуудаас айдаг дүр үзүүлэхээс бус яаж ч хулхидахаас сийхгүй. Тээр жил Асгатын мөнгөний ордыг оросуудтай хамтарч ашиглана гэж дээд хэмжээнд тохирчихоод, яаж хуурлаа?

Хятад түншээ  ч  гол гаргана. Хятад ажилчин авчирч барилга бариулчихаад, цалин хөлсөн дээрээ тулмагц “Таминь ээ, хятадууд зөвшөөрөлгүй ороод ирчихсэн байна. Манай эх орныг эзэллээ. Авраарай” гэж хашгиран, төртэйгээ хамжиж хөөлгөнө. Нууцаар хил давж ирсэн хятадууд, монгол хүний барилгыг хулгайгаар барьж байсан болж таараад байгаа юм. Хүнийг яаж хорлохоороо ингэдэг юм, бүү мэд. 

Ингэлээ гээд буруутахгүй, харин ч чөлөөлөгч, эх оронч болно. Ер нь бол Хятадад хандах хандлага, хардлага хоёр эрүүл бус болсон. Тэд­нийг Монголын нүүрсийг худал­даж аваад эхлэхээр “Хятадууд хайран сайхан нүүр­сийг минь зөөгөөд барлаа” гэж халаглана. Больчихоор нь “Хятадууд нь манай нүүрсийг авахгүй зориуд боож үнс бол­го¬лоо” гэж хангинана. ХХ зууны дундуур “Зөвлөлтийг хэн сайн мэдэх вэ” гэдэг зохион бичлэгийн уралдаан байнга болдог байсан. Өдгөө  сэдвээ өөрчилж “Хятадыг хэн сайн муулах вэ” нэртэй болчихоо юу гэмээр. 

Энгийн хятад иргэнийг бүү хэл элчин зөвлөхийг нь балбасан хэрэг гарна. Энэнээсээ илүү аймаар нь Хятадын тал энэ бүхний хариуд яах ч үгүй байгаа явдал. Яах гээд яах ч үгүй байгаа юм бол, юун дээр нь хүртэл дэврээж байгаад хөдлөх гээ юм бол, гэхчлэн бодохоор үнэхээр аймаар байдаг. Ямар ч байсан биднээс айсандаа хөдөлж чадахгүй байна гэж үгүй…

Бидэнд барууны хөрөнгө оруулагчид итгэхээ байсан, хятад ч итгэхээ байсан, орос ч итгэхээ байсан гэхээр муухай сонсогдоод байна. Арай гоёор “барууныхан ч, хятадууд ч, оросууд ч бидний тухай маш бодитой ойлголттой болсон” гэвэл зүгээр ч юм уу!

Ийм үед бид өөрсөндөө  итгэхээс өөр замгүй. Гэтэл манайхан бие биедээ хэр итгэдэг билээ?  Хүн болгон өөрийгөө цэвэр цусны мон­гол гэдэгт эргэлздэггүй шигээ, сөргөлдсөн болгоноо “хужаагийн эрлийз” гэдэгт мөн л эргэлзэхгүй. Цаадахь нь яаж зүгээр өнгөрөөхөв, эргүүлээд  хужаагаар нь дуудна. Хөнд¬лөн­гөөс нь харвал хоёр “хужаа­гийн эрлийз” бие бие­нээ цоллоод байгаа аятай.  Хэн нь “жинхэнэ жогорхой” юм бол, бүү мэд. Нэг ийм үлгэр байдаг даа. Сэргэлэн хаантан хулгайчийг барих арга сэдэж, нэг хөмсгийг нь сэм хусдаггүй юу. Тэгээд маргааш нь өглөө нь “өрөөсөн хөмсөгтэй хүнийг бариад ир” гэтэл бүх хүний өрөөсөн хөмсөг байдаггүй. Хаанаасаа ч сэргэлэн хулгайч нь сэжиг авмагцаа бүх хүний хөмсгийг хусаад амжсан бай­даг­гүй юу?  Өнөөдөр ч “эрлийз” хоч зүүгээгүй монгол хүнийг олох ч мөнөөх өрөөсөн хөмсөгтийг эрэхээс өөрцгүй болсон доо. Энэ мэтээс болоод монголчууд бие биедээ итгэдэггүй болсон.

Ингээд харахаар нааштай гэхээр юм гагцхүү бурхан үлдсэн мэт. Бид бурханаас барууны хөрөнгө оруулагчдыг ивээхгүй, хятадыг хайрлахгүй, оросуудыг харж үзэхгүй, нөгөө нэг монгол(өнөө эрлийз)-д нь тал өгөхгүй хаяад зөвхөн өөрийг нь ивээхийг гуйна. Бурхан биднийг яах бол?  Хэрвээ тэр барууныхныг ч, хятадуудыг ч, оросуудыг ч, үлдсэн зарим монголчуудыг, ер нь эх болсон зургаан зүйл хамаг амьтныг үнэнгээсээ хайрладаг байвал яах билээ. Хайртай болгоноо нулимж хаяад зөвхөн өөрийг нь сонгох тухай мөргөл залбирал минь түүнд ямархан сонсогдох бол?

Одоо өөртөө итгэх л үлд¬сэн. Өөртөө итгэх цаг ч болсон. Өөртөө итгэдэг хүн бусдад итгэдэг. Бусдын өгч чадах юманд, бусдаас авч болох юмны хэр хэмжээнд итгэдэг. Өөртөө итгэдэг хүнд нөгөө бусад итгэдэг. 

 Үргэлж лус савдаг, сайн хаан, ивээгч гүрэнд найдаж ирсэн бид нар өөртөө найдаж амьдрах учиртайг ухаарахын тулд энэ бүхнийг туулсан ч юм болов уу? Хамаг зовлон бид өөртөө, өөрийнхөө бүтээн босгох чадварт итгэдэггүйгээс үүдэлтэй. Өрөөл нэгэн хаа холоос ирж, хамаг байдгаа бидэнд зориулах аятай санад­гаас бас эхтэй. Жижиг гэхээргүй зүтгэлтнүүд хүртэл “Гадаадынхан өөрийнхөө эрх ашгийг чухалчлаад байна” гэж ярих, ярих төдийгүй олон түмнээс өндөр үнэлэлт авах аж. Өөрийнхөө эрх ашгийг умартсан нэг галзуу солиотой амьтан нь л биднийг аврах гэж хаа нэгтээгээс морь унаж, мод тохсоор ирэх нь ээ, янз нь. Талууд өөр өөрийн эрх ашгийг илэрхийлэн ярьсаар хам­гийн бодитой огтлолцол дээр л тохироо бий болдог байлгүй дээ. 

Үнэгүй, өртөггүй юм гэж үгүй.  Манжийн хааны пүнлүү, Зөвлөлтийн тусламж бүгд өөрийн өртөгтэй, үнэ цэнэтэй байсан. Хэн нэгний юмыг зүгээр авах боломж олдож байгаа  бол оронд нь түүнээс их юмаа зүгээр өгөх учиртай болж байгаа л гэсэн үг.

Бид хоёр хөршөө ч, баруу­ных­ныг ч (хэрвээ тэд эргэж харвал шүү дээ) өөрөөр харах цаг болсон. Хэн нь бидний аврагч биш, бас дайсан биш. Юмаа зүгээр өгдөг эрүүл хүн байхгүй. Хэдэн жилийн өмнө Оросын төлөөлөгч “Үнэгүй юм зөвхөн хавханд байдаг” гэсэн ярилцлагыг Монголын хэвлэлд өгч байсан. Онцгүй сонсогдож байсан ч гэсэн хүний юмыг зүгээр авах гэсэн онцгүй санаархалд маань дургүй нь хүрэхдээ л хэлсэн үг. Бидний ааш араншин, хандлага эцсийн эцэст хавх¬наас өөр сонголтгүй болгож байгааг ний нуугүй хэлсэн анх­ны гадаад хүн шүү, баярлалтай нь.

Манай хоёр хөршийн тэргүүнүүд ээлж дараалан ирэх нь. Бид хөгжлийнхөө, хандлагынхаа шинэ үеийг нээх гэж байна. Шинэ хандлагын хувь заяа бол хуучнаасаа хэр зэрэг татгалзсанаас хамаарна. Бид¬ний шинэ хандлага, шинэ боломж хөгжлийн шинэ зам нээнэ.

Харин  тэнгэрээс аврагч бууж ирэхгүй. Гэвч “Аврагч ирэх­гүй” гэдэг бол сайн мэдээ. Учир нь бид өөрөө өөрсдийгөө аврах учиртай гэдгийг ухаарна. Үнэнийг ухаарахаас илүү аврал гэж үгүй. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай сумын ой

Энэ бол манай сумын ой. Дааган дэл ууланд  манай сумын ой байдаг. Уулын ард маш олон тооны буган чулуун хөшөө бий. Хамгийн олон хөшөө бүхий  чуулбар гэдэг санагдана. Албан ёсоор бол Өвөр цэцэрлэгийн буган чулуун хөшөө гэдэг. 

Та бүхэн  ойн баяр наадмын тухай ярих гэж байна гэж бодсон уу?    Жаахан ногоон чиг баримжаатай байж сур л даа.

Морины бариа

   

Энэ нөхөр бол миний зээ дүү байгаа юм.               Бяцхан ноёнтон

Хамт найм төгссөн найзуудын маань хэд нь энд байна. Бусад нь нийллэгийн хорхог морхог бэлдэж яваад энэ зурагт ороогүй юм.

Уулын ар дээр ямар нэгэн хувьсгалч лоозон байсан санагдана.  Харин өдгөө  соёмбо хийгээд 90 жил хэмээн бичсэн харагдана.

Харин одоо сумынхаа 90 жилийн ойн тухай ярья. Завхан аймгийн Шилүүстэй сум энэ жил 90 жилийн ойгоо хийлээ. Хуучнаар бол тэр хавийн хэдэн сум Сайн ноён хан аймгийн Хошууч бээсийн хошуу гэж явжээ. Саяхан 90 жилийн ойгоо хийсэн СЭЗДС-ийн анхны оюутнуудын нэг нь манай хошууны сүүлчийн ноён  байсан гэдэг. Сэтгүүлч, зохиолч Б.Чойндон агсны дурсамжид “…хошууч бээс Дашзэвэг гэж саарал дээлтэй хүн  Гаалийн сургуульд хамт сурч байсан” тухай өгүүлсэн нь бий.

Нутгийн Чингэс хаан өрлөгүүдийн хамт

Морины наадам “хангайд” болов.   Өвөр гол, овооны үзүүрт морьдоо барилаа. Шар хөтөл дээр гарч ирэхэд  Отгон тэнгэр хайрханы  бараа, нялх багаас нүдэнд үзэгдэж, сэтгэлд хоногшсон төрхөөрөө, “уулан дээр суусан  уул”  мэт харагдав.

Харин манай өвөлжөө байдаг Ухаа аргалантын өврөөр Завхан гол урсана. Голын эргээр бургас, улиас, бас зэрлэг чацаргана ургана.

Манай нутгаас төрсөн цэргийн мяндагтан эрхмүүд

 “Шуудангийн Дэрэм” хэмээх Дорждэрэм гуай бол Холбооны газрын  аавын цээж  барьдаг жолооч  байсан хүн юм.

                        

Хонь хариулж явсан газраараа явтал        Сумын дарга байсан Дондонхүү 

ийм  Фараон  харагдав.  Ухаа аргалант.       гуай одоо нас сүүдэр ер гарсан ч 

Хар дэлийн өвөлжөө орчим.                             тэнхлүүн  сайхан харагдана.

Морин хуурч хүүхдүүд. Манай аймгийн мянган морин хуурч хүүхэд Чингэсийн талбайд  тоглолт хийж байсныг санаж байгаа байх. Тэдний нэг хэсэг нь манай хүүхдүүд байгаа юм.

Хужиртын гол, Ялаат булгийн дэнжээс Отгон тэнгэр уул ингэж харагдана.

Гэрэл зураг болон тайлбарыг Б.Цэнддоо

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Цахим ертөнцөөс цус амтагдах боллоо

Цахим сайтад тавигдсан бичлэгүүдийг анзаараад байх нь ээ, нэлэнхүйдээ цусны эхүүн үнэр ханхлах шиг. Өөрийн эрхгүй бие арзасгээд л явчих юм. Хэн нэгийгээ барьж идэх нь холгүй улайран дайрч байгаа дунд сургуулийн охидын зодоон, PC тоглоомондоо донтсон хүүхдүүдийн буудалцаан, хот, хөдөөгийн замд гарсан аваар осол,архидалтаас үүдсэн гэмт хэргүүд. Бүгд л сайтад эгнээ байраа эзлэн тавигдах ажээ. Нийгмийн шаар бүгдийг олонд дэлгэж буй цахим сайтуудын буруу гэж юу байхав. Ерөөс манай нийгэм цаг үеийн өнөөгийн өнгө төрх ийм болсон байна. Нэг л цус амтагдсан, түүний үнэр шиг огиудас хүргэмээр хорон санаа юухан хээхнээс ч болов цухалзах болсон нь аймаар.

Тэгтэл нийгмийн энэ бараан сэтгэлзүйг улам дэврээж, өөгшүүлж байгаа юм шиг алдар цуутай хүмүүсийн “цустай” бичлэгүүд цахим ертөнцөөр “аялах” болов. Та бүхэн санаж байгаа. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын адууны засаа цусыг нь савируулаад бахархалтайгаар идэж байгаа бичлэг интэрнэтэд тавигдаж баахан шуугиан дэгдээсэн. Цагаанбаатар бол Монголын брэнд тамирчин. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн, бусдад үлгэр дууриал болох нэгэн. Гэвч тэрээр адууны засааг түүхийгээр нь идэж гайхуулсан нь  ямар сэтгэгдэл төрүүлэх билээ. Юмны наад цаад учир ойлгодог, өөрийн гэх үзэл бодол, итгэл үнэмшилтэй хүмүүст тэр нэртэй тамирчин бус, нэг тийм “махчин” шиг л санагдана. 

Саяхан Асашёорюү Дагвадорж аваргын яст мэлхийний цус ууж байгаа бичлэг  мөн л интернэтээр цацагдлаа. Мэлхийний цус биеийнх нь эд эрхтэнд сайнаар нөлөөлдөг, бяр тэнхээ тамир суулгадаг ч юм уу, мэдээж сайн болоод уусан байгаа байх л даа. Гэвч түүнийгээ баримтжуулаад дэлхий нийтэд цацахын хэрэг байна уу. Наад зах нь монголчуудыг гадныхан юу гэж ойлгох вэ.

Н.ГАНТУЛГА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол бөх ашиг хонжоо, атаа хорслын талбар болж бүр мөсөн мөхжээ

Монголчуудын зуу зуун жилийн түүх соёл, өв уламжлалын илэрхийлэл болсон монгол бөх өнөөдөр жинхэнэ утгаараа мөхлөө дөө, хөөрхий. Бөхөд нүүрлэсэн аюулт хар сүүдрийг ард түмэн бий болгосонгүй. Хэн нэгэн далдаас удирдсангүй. Ерөөс бөхчүүд нь өөрсдөө л мөхөлд хүргэж түүх соёл, ёс жудаг, өв уламжлал руугаа нулимж, бөхөө дээдэлдэг түмэн олноо доромжлох болсон билээ. Монгол бөхийн барилдаан өнөөдөр үнэнч шударга байхаа больсныг захын хүн гэрчилнэ. 

Төрийн наадамд ч, бүсийн наадамд ч, аймаг, сумын наадамд ч ялгаагүй. Дандаа авлига хээл хахуулиар шийдэгдсэн, атаа хорсол, өш хонзонгоор дүүрсэн баяр цэнгэлийн бус балчиг намгийн талбар болжээ. Та бүхэн харсан биз дээ. 

Өнөө жилийн наадмын гол дуулиан юу байв. Завханы Жаргалсайхан гэж залуу энэ цаг үеийн бөхийн өнгө болсон аварга, арслангуудыг дараалуулан орхиж, үзэгч түмнийг суудлаас нь өндөлзүүлсэн наадмыг Сүхбат аваргын аяг ааш, атаа хорсол нэг мөр булж орхисон нь харамсмаар. 

Үүнд бөхийн холбооныхон буруутай. Сүхбат аварга эрэмбээрээ зүүний магнайд гарах нь зөв. Ухаандаа, Бат-Эрдэнийг зодоглоогүй үед төрийн наадмыг түүний дараагийн аварга болох Сүхбат манлайлах нь зүйн хэрэг. Монгол бөхийн дархан аварга цолтнуудад олон түрүүлсэн нь өмнөө гарна гэх хууль дүрэм үйлчилдэггүй.  Баянаа аварга хэдий арав түрүүлсэн ч бөхийнхөө эрэмбээр Дамдин, Мөнхбат хоёрын дараа босдог байсан. Гэтэл өнөө жилийн наадмын зүүний магнайд бөхийн холбооныхон Сүхбатыг бус Өсөхбаярыгаа тавьж л байдаг. Буруу шүү дээ. Юун төлөө үндэсний бөхийн холбоо гэж байгаа билээ. Бөхчүүдийн эрэмбэ дарааллыг хууль ёсных нь дагуу бичиглэж ягштал баримталж явах нь тэдний үүрэг юм. Түүнээс Сүхбат, Өсөхбаяр гэдэг юм уу, бөхчүүдийг хувь хүнийх нь үүднээс авч үзэж хэрхэвч болохгүй. Энүүхнээс л бөхийн ялзрал, мөхөл гэдэг чинь харагдаад байгаа хэрэг. Сүхбат аварга бөхийнхөө эрэмбийг хэлээд л дархан аваргын байр сууриндаа бат зогсож байхгүй, бөхийн холбооныхонтой хэрэлдэж, дээш доош ярьж, уйлж унжихын хэрэг юу байна аа. Тэгээд тэрхүү өш хонзон атаа хорслынхоо үүднээс гурвын даваанд Өсөхбаярыгаа амлаж байдаг. Наанаа бөхийн эрэмбэ, цолны эрэмбэ энээ тэрээ гэж байгаа боловч уг үйлдэл нь наадамчин олноо доромжилсон, монгол бөхийн дээд цол болох дархан аварга цолоо үл хүндэтгэсэн, бөхийн бичигдээгүй ариун жудгийг бус өс хонзон гэх зүйлийг сэтгэлдээ хавдар шиг хадгалж ирснийх нь илрэл байлаа.

Ийм л дуулиан шуугиантай наадмын дараа бүсийн наадмууд гэж ёстой нэг шившигтэй юм боллоо доо. Энэ жил уламжлал ёсоор дөрвөн аймагт бүсийн даншиг наадмууд болсон. Тодруулбал, Ховдод баруун бүс, Баянхонгорт говийн бүс, Хөвсгөлд хангайн бүс, Дорнодод зүүн бүсийн наадмууд зохиогдсон. Эдгээр даншиг наадмуудын бөхийн барилдаан монгол үндэсний бөхийг бүр мөсөн мөхсөнийг гэрчилсэн юм. Одоогоос хоёр жилийн өмнө “Өдрийн сонин”-ы дугаарт “Монгол бөхийн мөхөл ба бүсийн наадмууд” хэмээх нийтлэл хэвлэгдэж байсан. Тухайн жил мөн л дөрвөн аймагт бүсийн наадмууд зохиогдсоноос Баян-Өлгийд болсон баруун бүс, Дундговьд болсон говийн бүсийн бөхийн барилдаан хэрээс хэтэрч, хэдэн халтар төгрөгтэй шалдан банди нар улсын цолтой хүчтэнүүдийг толгой дараалан буулгуулж, наадамчин олныг доромжилж, бөхийнх нь дэвжээг бузарлаж орхисон байдаг. Ялангуяа Дундговийн наадамд зодоглосон 512 бөхийн барилдаан зүгээр л жүжиг, шоу болоод өнгөрсөн удаатай. Уг барилдааны үеэр Луу гүний Вандан, Буур Жамъян гээд домогт аваргуудын өлгий нутгийн залуу хүчтэнүүд хэдэн халтар төгрөгнөөс болж ам зөрөн улмаар бөхийн дэвжээн дээр хэн хэн рүүгээ салаавч гарган зүй бусаар авирласан ч дуулддаг юм. 

Тэрхүү нийтлэлийн дараа Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөл хуралдаж Дундговь аймгийн наадамд өөрийн бяр хүчээр бус өгөө аваа, ашиг хонжоо, найраа хэлцээгээр цолонд хүрсэн гэх залуучуудын цол чимгийг хурааж, тухайн наадмын бөхийн барилдааныг хүчингүй болгосон. Найраагаар цолонд хүрсэн гэх залуучуудын цолыг хураадаг нь зөв л дөө. Гэвч найраанд орж, олны өмнө улаан цагаан бууж өгч, өөрсдөө найрааг нь гардан хийж, бөхийн барилдааныг үзүүлбэр шоу болгон хувиргаж, дэглэж найруулж ирсэн улсын цолтой бөхчүүдэд цаг тухайд нь яагаад хатуу арга хэмжээ аваагүй юм бэ гэх асуултын гогцоо ургаад ирнэ. Дэвжээн дээр нэгнээ зодож байхыг нь, ахмад бөхчүүдийнхөө өөдөөс ална тална гэж дайрч давшилж байхыг нь хараад нүдэн балай, чихэн дүлий өнгөрүүлснийхээ горыг өнөөдөр бид амсаж байна. Аливаа юмны учир мэдэхгүй бөх гэх нөхдүүд нэг л дээрэнгүй хүмүүс болон хувирч, шунаг шунахай сэтгэлдээ дийлдэж, хахаж цадталаа баяжсаны гороор монгол бөх маань ийнхүү устаж үгүй боллоо. Түүнийг нь өнөө жилийн бүсийн наадмууд бүр чиг нотлоод өгсөн дөө. 

Хөвсгөл аймагт зохиогдсон “Хотгойдын хурд” хангайн бүсийн даншиг наадмын бөхийн барилдаан зодооноор өндөрлөсөн гэж байгаа. Мөнгөний төлөө цолтой бөхчүүд нь хэрхэн яаж улайран дайрдгийг, том цолтой бөхчүүд нь мөнгөтэй нэг бандийн гарт орчихсон түүнийгээ түрүүлүүлнэ гэж ална шулнадаа тулдгийг Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын харцага Г.Ганхуяг олонд дэлгэсэн. Монгол бөхөд бугшсан идээ бээр ийн өөрийн эрхгүй тартагтаа тулж дэлбэ үсэрсэн нь тэр. Ганхуяг харцагын Содномдорж харцагад бичсэн захидлаас бүх зүйл тодорхой харагдана. Уг захидалд “…Содномдорж энэ жилийн наадмаар улсын начин Баянмөнх, аймгийн арслан Нямбаяр, Давааням, Батням, аймгийн начин Пүрэвдорж нарыг дарамтлан дагуулж, “Хөвсгөлийн хүчтэн” галаас тусдаа Даян дээрхийн хүчтэн бөхийн гал байгуулж бэлтгэлд гарсан учир нь нутгийн зөвлөл болон ивээн тэтгэгч дэмжигчид, аймгийн Засаг даргаас мөнгө цуглуулах хувийн сонирхолтой нь холбоотой байжээ. Тэгтэл улсын наадмын гурвын даваанд өөрийг нь  дагаж бэлтгэлд гараагүй гэж уурлан, сайн барилдана хэмээн итгэл хүлээлгэж байсан аймгийн арслан Хаш-Эрдэнийг амлан унагаж урам хугалсан. Сая болж өнгөрсөн Хотгойдын хурд наадмаар мөнгөө багтааж ядсан гадны бөхчүүд дагуулж ирээд Хөвсгөл аймгийнхаа бөхчүүдийг дарамталж цол авахууллаа. Ховдын Ууганбаяр гэж залууг аймгийнхаа наадамд түрүүлүүлэх гэж хэт улайрч зүтгэн мөнгөнд шуналтсанд анхнаас нь дэмжиж явсан ахын хувьд ихэд харамсч, гомдож байна. Бөхийн буянаар өдий зэрэгтэй амьдарч явнаа, миний дүү. Тогоотой хоол руугаа шороо битгий цац. Хүнд их мөнгө биш их сэтгэл байхад болдог юм” гэжээ. Энэ бол “гарлаа, өрлөө, давлаа” хэмээн гуравхан үгээр дуудуулж барилдаж байсан Дарийн Дамдин, уран барилдаант угсраа олон мэхтэй Чойжилын Бээжин нарын домогт аваргуудын өлгий нутгийнхны бөхийн хагарал. Ерөөсөө хэдэн халтар төгрөгнөөс болсон хагарал. Яг ийм хагарал бутрал аймаг аймаг, гал галын бөхчүүдэд байгаа. Бүгд л мөнгөний төлөө улайран тэмцэж бөхийнхөө ариун голомтыг сэвтээж бузарлаж орхиж буй нь хэнд ч илэрхий болжээ. 

Аймгуудын наадмын захын жишээ гэхэд, Өмнөговьд Д.Рагчаа, Б.Гончигдамба нарын төрийн наадамд түрүүлнэ хэмээн яригддаг бөхчүүд очоод өнөө л найраа хуйвалдаанаараа ард түмнийг нь доромжилж, наадмынх нь үзүүр түрүүг Рагчаа гарьд нутгийн залуустаа буюу  Архангайн Баярхүү, Отгонбаатар нарт өгчээ. Улсын харцага Л.Пүрэвжав, Ө.Бат-Орших гээд энэ цаг үеийн шилдэг бөхчүүд тус аймгийн наадмын тавын даваанд дуу дуугаа аваад унаад өгсөн байна. Аймгийн начин цолтон төрүүлэх нэрээр мөнгөнд явчихсан нь тэр.  

Ийнхүү Баянаа, Мөөеө, Бат-Эрдэнэ, Сүхбат, Өсөхбаяр, Сумъяабазар нарын аваргуудын үед монгол бөх бүр мөсөн мөхөж үгүй боллоо. Монгол бөх ийн мөхлөө гээд төрийн наадам болдгоороо болно, аймаг, бүсийн наадмууд болдгоороо болно. Амьгүй албатууд гэдэг шиг жудаг ёс, түүх соёлоо уландаа гишгэн мөнгөний төлөө улайран тэмцсэн бөхчүүд нь зодоглож ард түмнээ доромжилдгоороо доромжлох байх. Тэдний барилдааныг үзээд юун сэтгэлийн цэнгэл эдлэх, сэжиг хүрч бөөлжис цутгадаг. Монгол бөхийн мөхөлд аваргууд хамаатай юм. Тэд бөхийн дэвжээгээ хайрласангүй, хайрлахыг ч эрмэлзсэнгүй. Дандаа хувийн ашиг хонжоо, өш хонзонгоор явж ирснийх нь “үр дүн” өнөөдөр гарч байна. 

Баянаа аварга бөхийг дандаа л салган бутаргаж, талцуулж халх дөрвөдөөр нь хувааж ирсэн хүн. Түүнийх нь нөлөө байдаг юм байлгүй,  увсын бөх түрүүлсэн наадмаар төв цэнгэлдэхэд “Увс нуур” дуу эгшиглэх болсон. Бүр уламжлал болоод тогтчихлоо. Үнэндээ монгол төрийн наадам уу, Увс гэдэг тусгай улсын наадам уу гэдэг нь мэдэгдэхээ байсан. Энэ жил ч ялгаагүй, Увсын бөх түрүүлж, “Увс нуур” дуу эгшиглэлээ. Үүнийг анхаарч буй төр засаг гэж байна уу. Монгол Улсын Ерөнхий сайд та Увс нутгийн хүн. Монгол төрийн наадамд “Увс нуур” дуу дуулагдахыг хувьдаа юу гэж бодож байна вэ. Монгол Улсын Ерөнхий прокурор та мөн тэр нутгийн хүн. Увсын бөхчүүдийн галыг толгойлдгийг тань хүмүүс мэднэ.  Монгол төрийн наадам өндөрлөж, Ерөнхийлөгч наадмыг хааж үг хэлэх үед ёс юм шиг “Увс нуур дуу” эгшиглэхээр нэг л эвгүй сэтгэгдэл төрөөд явчих юм байна шүү дээ. Танд тэгж санагдахгүй байна уу, Дорлигоо даргаа. 

Бөхийнхөө нэр хүндээр Их хурлын сонгуульд хэдэнтээ сонгогдож төр түшилцэж яваагийн хувьд Баагий аварга минь монгол бөх нүдэн дээр чинь мөхөж буйг харж байна уу, ингэхэд. Сумъяабазар та бүхэн монгол бөхөө аврах цаг нь болсон юм биш үү. “Бөхөөс авдгаа авсан. Хүртдэгээ хүртсэн. Одоо болоо” гээд буруу харж болохгүй байх. Залуу бөхчүүдийн мөнгө шүтсэн сэтгэл зүйг өөрчлөх, хүн бус араатан адил авирладгийг нь болиулах, атаа жөтөө, өс хонзонгоос холдуулах талаар арга хэмжээ авахыг Бат-Эрдэнэ аварга танаас шаардаж байна. Доромжлуулж дуусч буй ард түмнээ, бузарлагдан муу муухай бохир зүйлээр сагаж дүүрсэн бөхийн дэвжээгээ ариун байлгах нь таны үүрэг. 

Сүүлд нь нэмж хэлэхэд, авлигад идэгдсэн бөхчүүдийн жүжиглэхийг ард түмэн минь битгий үз. Өөрсдийгөө тэгж доромжлуулах хэрэг юу байна. Наадамчин олон байхгүй бол наад хэд чинь юу юм, юу ч биш шүү дээ. Хэдэн хөлстэй тэнэгүүдэд байгаа бүхнээ өгч ирснээрээ бид буруудсан. Бөхчүүдийн байгуулсан гавьяа гэж юу байх билээ. Тэгэхээр одооноос хуурамч барилдааныг нь тоож ч хардаггүй баймаар байна. Тэртэй тэргүй монгол бөхийг наад тэнэгүүд чинь өөрсдөө мөхөөчихлөө шүү дээ.    

Н.ГАНТУЛГА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Харьж яваа улстөрчдийг бөх болгоё

– НЯМДОРЖ ДАРГАД ИЛГЭЭХ ХАГАС ИЛ ЗАХИДАЛ-

Уул нь танд ил захидал бичиж эхэлсэн юмсан. Гэтэл бичсэн юм маань хуудас гаран болчихоод тал нь ардаа гарсан тул  яалт ч үгүй “хагас ил захидал” болчихлоо.

Манай олон сайхан бөхчүүд зодгоо тайлан гонжоом өмсөж монгол улсын парламентад суух боллоо.  Дан ч суугаад байгаа юм биш, коридороор алхалж, диван дээр  сүүжилдэж, орон дээр бол хэвтэж байгаа гэсээн.  Тэд зодгоо тайлаад гонжоом өмссөнийг ч ойлгож байна.  Төрийн ордонд зөвхөн гонжоомтой л оруулдаг болсон шүү дээ.

 Бас зодгоо тайлж байгааг ч буруутгах юм алга. Зодгийг юу яалцахаас эхлээд  олон юман дээр тайлахаас өөр аргагүй байдаг юм гэсэн. Юу яалцах гэдгийг  та юу гэж бодож байна?… Хэ хэ, тэр чинь биш ээ, усанд шумбалцахыг  хэлж байгаа юм. Зодог шуудагтайгаар нохой самралцах, мэлхий тийрэлцэх зэрэг онцлог сэлэлтийг хийлцэхэд их хэцүү гэсэн. Бодвоос ч тийм. 

Хамгийн гол нь би сонгогчийн хувьд тантай харилцан ашигтай хамтран ажиллах гэсэн юм. Манай улсын  улс төрийн ум зандан дэвжээг орхин гонжоомоо тайлж байгаа олон арван шилдэг хүний цаашдын хувь заяаг энд хөндөж байна.

Одоогоор зүлэг ногоон дэвжээгээ орхиж байгаа бөхчүүдийг манай улс төрийн дэвжээ баяртайгаар хүлээн авсаар байх нь тодорхой боллоо. Зарим сонгогч үүнд дургүй байгаа ч гэсэн бодит байдал ийм л байна. Гэхдээ дургүйцэж байгаа мянга мянга сонгогчийн сэтгэлийг амирлуулан, бөхчин зоныхоо хүслийг давхар биелүүлэх сайхан хувилбар бас байна аа.

Улсын их хурлыг орхиж буй, харьж яваа улс төрчдийг танай монгол бөхийн торгон  дэвжээ тосч авах тухай асуудлыг манай улс төрчдийн “ум зандан дэвжээ”  холбооноос танаар уламжлуулан гаргаж байна. Харилцан өгөөжтэй, ашигтай  бизнес санал. 

Харин манай “Ум зандан дэвжээ” холбоо  ахмад бөхчүүдийг зүлэг ногоон дэвжээнээс нь  шууд парламентын микрофоноор амлуулах ажлыг хариуцаж болж байна.

Бид  бөхчүүдийг өөрийн зардлаар  анхан шатны сургалтад  хамруулаад парламентад шилжүүлнэ.

Сургалт дараахь хөтөлбөрөөр хичээллэх ба мэргэжлийн туршлагатай, эрдмийн зэрэг цолтой бөх-төрч нараар ном заалгана.

Үүнд:

-Бүлэг фракц  хэрхэн магнайлах

-Тендэр амлах

-Санал суйлах

– Хаялга дэгээдэх

-Авлига сэгсрэх 

-Амлалтаа  тонгорох

-Санал самрах

-Төсөл мордох  зэрэг үндсэн аргачлал орж байна.

Харин  танай монгол бөхийн холбоо ба зүлэг ногоон дэвжээ фракцын зүгээс нэгэнт улс төрөөс хальж буй манай хүмүүсийг  тодорхой сургалтад хамруулан зүгшрүүлээд улсын зэрэг цолтой бөх болгох хэрэгтэй байна. Цолны хувьд гэвэл УИХ-д нэг удаа сонгогдсон хугацааг улсад түрүүлсэнтэй адилтган  цол чимэг олгож болмоор санагдана.

Ингэхгүй бол  улс орны биеийн ба оюуны хүчний баланс алдагдаж бөх ч үгүй, улс төр ч үгүй болох аюул нүүрлээд байгааг та бэлээхнээ харж байгаа биз ээ. Та нэг их дүрэм мүрэм урдаас ярих л байх. Тэр ямар хамаа байна аа. Манай энд бөхийг улс төрч болгож болоод байхад танай тэнд улс төрчийг бөх болгож  болохгүй л байв гэж үү? 

Мэдээж  амаргүй гэдгийг ойлгож л байна. Тухайлбал улс төрч бөхчүүд өрсөлдөгчөө барилдаж унагахын оронд үзэгчдийн саналыг худалдан авах замаар ялах гээд байж болох талтай. Үүний оронд найраа хийдэг , танай хэлээр бол “хор найруулах”  гэсэн үг гээд хэлэхэд дорхон нь ойлгоод хөгжүүлээд явчихна. Бөхчүүд   улс төрд дорхноо хөлөө олоод байхад манай улс төрчид наана чинь алзахгүй ээ. Гагцхүү та бидний ойлголцол хамтын ажиллагаа л хүлээгдэж байна.

Хуулбарыг: Сумо, Самбо, Жудо,  Аякадо, Ушу,  Курышийн холбоонд

2012.12.17

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Заавал ч үгүй зургаан насны морь уралдуулж, бөх барилдуулах ёстой юу?

Энд тэндгүй ерэн жилээр ёстой нэг гулгиж байна. Сумынхаа түүхт ойг хүлээж цөхсөн хүн зон, эцэг өвгөдийнхөө нутагт элгэмсэг бодол өвөрлөж очсон олон сэтгэлийн цэнгэл эдлэлгүй яахав. Наадам гэдэг сайхан. Тэр дундаа сумын наадам бүр чиг сайхан. Харин энэ олон “90”-үүдийг анзаарч байх нь ээ, нэг зүйл бодогдлоо л доо. Сумынхаа ойд гээд байгаа бүхнээ тавиад туучихсан хүмүүс гаднаас ирсэн хэдэн луйварчин бөхчүүд, эм тариа мөнгөний хүчээр уралдаж байгаа морьдын тоосонд л дарагдаад өнгөрдөг. 

Бөхчүүд барилдах нь хуурамч юм аа гэхэд, наадамчин олонтой нэг удаа ч болов нүүр дүүрэн инээмсэглэж мэндэлдэг билүү. Алхайж шалхайсан, хөмсөг юугаа атируулсан, олноос нуугдсан, түмэнд нэр нүүрээ барсан хүмүүс шиг байдаг биз дээ. Тийм хүйтэн, шунаг шунахай сэтгэлдээ дийлдсэн нөхдийн “жүжиглэх”-ийг үзэн баясч суугаа түмнээ харахад гунигтай. Тэгвэл сумынхаа ойгоор нэр цуутай оддыг нутаг усандаа уриад домог болсон дуучдын ая дууг сонсож, шинэ залуу хамтлаг, гэрэл гэгээ болсон бүсгүйчүүдтэй нь зураг хөргөө авахуулж, зохиолч найрагчдын тарни мэт шүлгийг өөрсдөөр нь уншуулж баярлавал ямар вэ. Хөлстэй хэдэн адгуус, хөлстэй хэдэн харцуулыг харан баясахаас л лав дээр санагдаад байх юм.  Мэдээж, наадам гэдэг утгаараа ургаж яваа шижигнэсэн залуусыг барилдуулж, заавал ч үгүй зургаан насны гэлтгүй уяа нь ханасан соёолонгийн давхилыг харчихаад урлаг, соёл, спортын өөр олон уралдаан тэмцээн зохиож хүүхэд хөгшидтэйгөө дэлгэр сайхан наадацгаая.        

      Н.ГАНТУЛГА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хямралын “нүхэн гарц”

-ФЕЛЬЕТОН-

Эндүүрч үл дуусах хорвоо юм аа. Энэ Эрүүлийг хамгаалах яамыг чинь манийгаа эрүүл байвал л баярладаг юм санасан чинь, бишээ. Далаад оны нэгэн дуунд “харах нүд минь эндүүрчээ” хэмээн гардаг нь ирээдүйн олон юмыг зөгнөсөн байж. Өмнөх нэг сайд нь шинээр ДОХ гарах тоолонд л хүлээн авалт хийдэг байж билээ. Сая гахайн томуу гарснаас хойш энэ яамныхан ёстой цог заль бадрав гээч боллоо. Гахайн томуу ч гахайн томуу, гахай мундсан биш хүнд хүртэл тусаж явдаг нь юу ч билээ.

Яам хавийн нэг дарга нь “үнээрийн талархжээнаа” гэсэн ярилцлага хүртэл өгсөн байх юм. Учир нь гадаад найз нар нь “одоо болтол ганц ч гахайн томуу олдоггүй ээ, хи хи” гэж шоолоод байсан юм байх аа. Гадаадын эмч нар ч манай хэдийн өрөөсөн дугуй байдаг болтой юм. Өөрийн оронд өвчин гарахад баярлахын сацуу, өрөөл бусад оронд өвчин гарахгүй бол сэтгэл санаагаар явчихдаг, мэргэжил нэгтнүүдээ “нэг юм сэтгээч” гэхчилэнгээр шорддог улс болж таарлаа. 

Зөвхөн эмч ч биш, өөр салбарт ч ийм бодолтой улс бишгүй байдаг аж. Саяхан хөдөө нутгийн нэгэн “аравт” малчинд доорхи явдал тохиолджээ. Ойлгож байгаа биз дээ? Мянган малтай хүнийг “мянгат малчин” гэж нэрлэн мөнгөн хувин, мөнгөлсөн гэрэгэгээр шагнадаг даа. Улс нь ардчилсан, хүн мал адилхан тэгш эрхтэй болсныг хэлэх үү? Үлдсэнийг орхихгүй байхаар шийджээ, ачит гэгээн төр минь. Ингээд зуун малтайг нь “зуут малчин”, арван малтайг “аравт малчин” гэж цоллон, тохирох хувин саваар мялаах болж. Харин ганц морьтой, юмуу үнээтэй хүнийг “Монгол Улсын нэгт малчин” хэмээн нэрийдэж, цагаан сараар сияан аяга, мэрзээвтэр гэрэгэгээр мялаах болсон юм гэсэн.

Тэгсэн чинь тэр “улсын аравт малчин” яасан гээ. Хотонд нь боохой ороод мань хүний цол зэргийг “Улсын гуравт малчин” болтол бууруулаатахжээ. Харамсаж халаглахын оронд тэрээр “Би маш их баяртай байна. Дэлхийн хонь мэндийн байгууллагын нөхдүүд намайг “Өдий болтол ганц ч малаа чононд идүүлэхгүй ичмээр юм. Чи ер нь чоныг танихгүй байх шиг байна” гэж шоолоод байсан. Одоо тэд намайг “чоно мэдэхгүй дурак” гэж хэлээд үзэг л дээ” гэсэн байна. 

Эргээд яамны асуудал руугаа оръе. Нэг сайд нь өчигдрийн сонинд “Ер нь гахайн томуу тусах нь их ашигтай байгаа. Учир нь дархлаа тогтоод, дахиж гахайтахаа больдог. Гахайтай амьдарсан ч айх юмгүй. Ээ мөн ч сайхан хэрэг шүү” гэж ярьсан байх юм. Сайдынхаа яриаг бататгаж ярьсан өөр нэг мэргэжилтэн “ Манайхан үхэхээс айж байгаа нь туйлын гэнэн хэрэг мөн. Манай яамны үзэж байгаагаар бол үхэх ихээхэн ашигтай. Учир нь хүн нэг л үхвэл дахиж хэзээ ч үхдэггүй гэдгийг манай эмч нарын хийсэн судалгаа нэгэнт бататгасан” гэсэн байгаа юм. Бурхан өршөөг. Ингэхэд, яаж ч бодсон биднийг бурхан өршөөгөөд л байна л даа…тийм үү?

Манай нийслэл шинэ нүхэн гарцтай боллоо гээд л бөөн баяр. Зарим сонинд “монголын ирээдүй-нүхэн гарц” гэсэн, логиктой нь аргагүй гарчиг хүртэл харагдана. Ер нь манайхан чинь хямралаас нүхэн гарцаар гарах юм биш үү? 

Хийсэн улс нь нүхэн гарцаа дэлхийд ганцхан гэж нотолж байна. Тэд “Дэлхийн хаа нэгтэйгээс өөр Улаанбаатар олоод, тэндээ яг ийм багтрам утаа бий болгоод, тэндээсээ мөн ийм “багшийн дээд” гаргаж ирээд, манай нүхэн гарцын ижлийг заагаад аль л даа” хэмээн ам асууж байна. 

Ёстой иж бүрэн эд гэнэ ээ, тэр гарц. Дотроо гэрэлтэй, гэрлийг нь яг л санал тоолох үед тасалдаг шиг унтраах боломжтой, дээрэмчдэд зориулсан булантай, юмаа булаалгачихаад гараад ирлээ гэхэд хажууханд цагдаагийн пост бэлэн. Хүсвэл нүхэн гарцыг тойрч гүйгээд машинд мөргүүлэх бүрэн боломжтой төдийгүй, урдхан талд нь бэлэн зэхээний эмнэлэгтэй. Нүхэн гарцаар орсон хүн зүв зүгээр гараад ирж ч болдог. Нэгэнт гараад ирсэн хойноо гэртээ харьсан ч болдог, бас дэмий тэнээд алга болсон ч өөрийн дур гэлцэнэ. Үнэхээр тасархай гарц ажгуу.

Хямралын ийм гарц байгааг төр, засаг нь хүртэл мэдээгүй явжээ. Гэтэл барилгын компанийхан аль хэдийнэ мэдээд хэрэглээд ирсэн байх аж. Дээхнэ ерөнхий сайд ба барилгын компанийн боссын хооронд ийм нэгэн яриа болсныг бид зурагтаар харав даа.

Ер.Сайд:Чи Их тэнгэрийн гүүрийг барина гээд ноднин хоёр тэрбум төгрөг авсан гэсэн

Бар.босс:Та зөв юм харсан байна.

Ер.сайд:Тэр гүүр хаана байна?

Бар.босс:Та буруу юм хараад байна…

Сая мэдэхнээ, Их тэнгэрт чинь гүүрний оронд “усны нүхэн гарц” барьчихсан юм байж. Хүн хичнээн сайхан нүхэн гарц барьчихаад байхад тэнэг юм шиг “гүүр хаа байна?” гээд байгаа хүнийг яана билээ, аан? Ер нь ийм амьтныг “та буруу юм хараад байна” гэх нь бүү хэл алгадаад авсан ч багадна биз дээ. 

Усан гарц бас л хямралын нэгэн гарц болсон сайхан эд гэнэ лээ. Төрийн ихэс дээдэс явах учраас яалаа гэж хотын төвийнхтэй ижил нүх хийх билээ. Архитектурийн шинэ шийдэл төдийгүй байгаль экологи талдаа хачин эд гэдэг. Гадаадынхан үүнийг “байгаль орчинд хэтэрхий ээлтэй технологи” гэж нэрлэх санал гаргасан гэж байгаа. Нэг ч чулуу, мод хөндөөгүй, нэг ч барилгын материал ороогүй хийгдсэн гээд л бодчих… Дарга нар машинаараа давхиад гүүр байсан ором дээр ирнэ. Байгальд хэтэрхий халгүй технологиор хийсэн болохоор эрэг дээр ямар ч ул мөр байхгүй. Харин манай тагнуулын гярхай ажилтнууд “усны нүхэн гарц”-ын амсар хаа байгааг андахгүй мэднэ. Ингээд манай төр засгийн тэргүүнүүд бэлэн зэхээний хүчилтөрөгчтэй баллон үүрээд усны нүхэн гарц руу орж явчихна. Доороо голын гүний цэнгэг устай, гэрэлтүүлэг сайтай, лусын ТҮЦ энэ тэртэй, үнэн тансаг “усан нүхэн гарц” гэсээн. Онгон байгалиа хамгаалах үүднээс дарга нарын машиныг усан нүхээр гаргаж, гол бохирдуулахгүй, харин Зайсангаар тойрч очоод даргыгаа хүлээнэ. Гараад ирлээ гэхэд цааш нь суулгаад явна гэдгийг хүртэл тооцоолжээ. Ийм юм бүтээчихээд байхад “Гүүр хаана байна, гүүр хаана байна” гэж мангартахаар ямар ч хүн “та буруу юм хараад байна” л гэнэ биз дээ. 

Ер нь манайхны ажил хэрэг ч лут чамбай байна аа. Энэ хил хамгаалах газар цэргүүдээ хэрхэн “хамгаалахаас өөр юм мэддэггүй” болгон хүмүүжүүлж байгааг хар л даа. Сэлэнгэ дэх …дугаар ангийн удирдлага хоёр цэргийг тусгайлан хүмүүжүүлж мал хамгаалах эрдэмд сургасан юм байна. Тэд ангийнхаа малыг амжилттай хамгаалж байжээ. Гэтэл өнгөрөгч есөн сард тэдэнтэй нэг хэсэг хамгаалалтгүй мал тааралдахаар нь дагаж хамгаалаад бүр Заамар хүртэл явчихжээ. Малын эзэн нэг л найдваргүй санагдсан тул мөнөөх цэргүүд эх орны баялаг болсон малыг цаашид хамгаалаад л байж, хамгаалаад л байж. Үндсэн хуульд “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэж заасан юм чинь арга байж уу? Ингээд өчигдөр ангиас нь очиж автал огт танихгүй айлын хонийг хамгаалаад л байсан байгаа юм. Хэрвээ тэднийг чоно хамгаалах чиглэлээр сургасан бол хээрийн боохой дагаад арилах байж, хөөрхийс. Хилийн цэргийн сургалт ч бас өөр байна шүү. 

2009 оны 11 сарын 17