Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Нямдорж өөрийнхөө эхнэрийг доромжлоод зогсохгүй өрөөлийн эхнэрийг доромжлох нь хэтийдлээ

“Шийдлийн” гэх тодот­голтой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бүтэц бүрэл­дэхүүнийг хэлэлцсэн Их хурлын чуулган дээр Ц.Нямдоржийн хэлсэн үг олон ч хүний дургүйг хүргэв бололтой. Өөрийнхөө эхнэ­рийг доромжлоод зогсохгүй өрөөлийн эхнэрийг доромжилж, доог тохуу хийсэн түүний энэ үйлдлийг гишүүд харин инээдэм наргиа, марзаганал мэтээр хүлээн авч наадаан болгоод өнгөрсөн.

Төрийн түшээгийн тө­рийн ордонд, Их хурлын чуулганы танхимд хэлсэн үг гэр бүлийнхээ хүнийг хэрхэн яаж доромжилж болдгийн, өнөөгийн төр засгийн эрх мэдэлтэн дарга, сайдууд гэргий нартаа, охид эмэгтэйчүүдэд ноён зангаар дээрэнгүй ханддагийн нэг том баталгаа болчихов уу даа.

Ц.Нямдорж “УИХ-д суу­далтай бүх намуудад сайдын суудал өгч түүгээрээ дамжуулан гишүүдийн амыг хааж, Их хурал парламент ёсыг байхгүй болгох гэсэн увайгүй оролдлогыг эрс эсэргүүцэж байна. Тийм учраас би үлдсэн хугацаанд сөрөг хүчний байр суурин дээр хатуу зогсох болно” гэдгээ мэдэгдээд “яагаад хүн болгоны саналд нийцүүлэх гэж олон яам, олон сайд оруулж ирж байгаа юм бэ. Өөрт чинь бололцоо байсан ш дээ, Ерөнхий сайд аа. Энэ олон яам хэнд хэрэгтэй юм. Аж үйлдвэрийн яам гээд сонин юм оруулж ирлээ. Яамгүй сайд гээд бас сонин юм байна. Одоо яршиг сайд чинь ийм хамаагүй болсон юм бол энэ яамгүй сайдынхаа суудлыг манай авгайд өгчихөөч. Гончигдорж бид зургаа зургаан сараар ээлжлүүлээд хоёр авгайгаа энэ яамгүй сайдаар чинь ажиллуулъя” гэж тохуутай нь аргагүй хэлсэн.

Чуулганы танхимд, ард олны нүдэн дээр Ц.Нямдорж ингэж эхнэрээрээ доог тохуу хийх ямар хэрэг байсан юм бол. Түүний хэлж буйгаар тэдний гэргий, Гончигдоржийн гэргий сайд хийгээд улс орныг удирдалцаад явчих хэмжээний боловсрол мэдлэг, дадлага туршлагатай хүмүүс биш гэж үү. Ухаандаа, Нямдоржийн гэр бүлийн хүнийг олон түмэн төдийгүй төр засгийн хүрээнийхэн мэднэ. Нийслэл хотын захирагчийн ажлын албаны хүнс, үйлдвэр үйл­чилгээний хэлтсийн даргаар багагүй хугацаанд ажилласан. Монголын төрд туршлагажсан албан хаагчдын л нэг. Гэвч нөхөр нь тохуурхаж даажигнаад, муу муухайгийн жишээ болгоод ярьж байдаг.

Ер нь тэгээд монгол эмэг­тэй хүн, эхчүүд энэ сайдын чинь албан тушаалыг хийж болохгүй хэрэг үү. Тэд улс орныг удирдан манлайлаад, аль нэг салбар яамыг аваад явчих нэр нүүргүй хүмүүс юм гэж үү. Эмэгтэйчүүд дарга сайдын албыг хаших тухай яригдах нь төрийн түшээ харчуудад доромж мэтээр ойлгогдож, дээр доргүй иймэрхүү яриа хөөрөө гарган бах таваа хангах болжээ. Түүнийх нь баталгаа шинээр байгуулагдаж байгаа Зас­гийн газарт Алтанхуягийн кабинетад ажиллаж байсан Ц.Оюунгэрэл, С.Оюун, Н.Удвал нарын сайдууд алга. Оюунгэрэл Соёлын яам ч үгүй болсноо бүр сүүлд мэдэж байх жишээний.

Манжийн үеийн ноёд эхнэ­рүүдээ боолын боол босгоны шороо мэтээр үзэж, бүсгүй хүн богино ухаантай зэргээр элдэв хоёроор хэлдэг байсныг уран зохиолын номноос уншиж байв. Харин эзэн Чингэсийн үед бол хатдынхаа мэргэн ухаанд түшиглэж хууль цааз хийгээд төр улсаа төвхнүүлэх ажлаа явуулж байсныг Монголын түүхэнд тодорсон гайхамшигт хатдын билиг сургаал, үүх түүхээс бид мэдэх юм.

Нямдоржийн Их хурлын чуулган дээрээс Ерөнхий сайд руу чиглүүлсэн болгоод ард түмэнд хандаж өөрийнхөө эхнэрийг төдийгүй өрөөлийн эхнэрийг доромжилж хэлсэн үг Монгол Улсын Үндсэн хуу­лийг зөрчиж байна. Түү­гээр зогсохгүй дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх учиртай Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг ноцтойгоор зөрчлөө.

Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн хоёрт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийг­мийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялган га­дуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасан байдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын хоёрдугаар зүйлд “Хүн бүр энэ Тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой. Мөн түүнчлэн тухайн хүнийг харьяалдаг улс буюу нутаг дэвсгэрийн улс төр, эрх зүй болон олон улсын статус ямар ч байлаа гэсэн тухайлбал, тусгаар тогтносон буюу асрамжид байгаа, өөрөө эс удирдах зэрэг бүрэн эрхт байдал нь ямар ч байдлаар хязгаарлагдмал байсан тэр нь ялгаварлах үндэс болох ёсгүй” гэж заасан байдаг.

Хууль тогтоох байгууллагыг толгойлж байсан хүн, Хууль зүйн сайдаар хэдэнтээ сонгогдон ажиллаж байсан хүн ийнхүү Үндсэн хуулиа ноц­той­­гоор зөрччихлөө. Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг харамсалтайгаар зөрчлөө. Гэвч болоогүй, цаана нь хүн ёсны нэг юм бий. Бүхий л насаараа ханилж зовлон жар­гал, баяр гунигаа хуваалцан хүмүүний орчлонгийн он жилүүдийг хамтдаа элээж яваа халамжит ханиа ингэж элдвээр хэлэх нь хүн ёсныхоо хувьд байж болох зүйл мөн үү. Хүний ёс жудаг, нас намба гэж нэг юм байна. Дээр нь монгол төрийн түшээгийн ноён нуруу, туйлбартай тулхтай чанар, хэлэх үг, аяг ааш гэж бас нэг юм байна.

Аль ч гаргалгаанаас нь авч үзээд Нямдоржийн энэ үйлдлийг ойлгохгүй л байгаа юм. Адаглаад эхнэр нь уурладаггүй юм байх даа. Орой гэртээ хариад эхнэ­рийнхээ нүүрийг яаж харсан бол хөөрхий. Ээжийг нь ин­гэж элдвээр хэлэхэд үр хүүхэд, ач зээ нарт сайхан байгаагүй нь мэдээж. Тэд аавдаа гомдсон байж таараа. Гомддоггүй юмаа гэхэд Их хуралд суугаа харчууд шиг баярлаж, хөөрцөглөөгүй нь лав. Манай төрийн түшээд улс төр хийж тодрох гээд бүр ядчих юм.

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал юм уу, чуулганаар олон түмний сонирхлыг татсан улс орны, хүн бүхний хувь заяатай холбоотой асуудал хэлэлцэх үед бүгд л гоё ганган үг хэлэх гээд ангаж цангасан үхэр мал шиг орилолдон дайрцгаана. Телевизийн бүх сувгаар гарах учир бусдаасаа онцгой байх гэж хяналтаа алдан өөрөө өөрсдийгөө “алчих” нь харамсмаар. Амны бөхөө уран гоё мэхээр хаях гэж байгаад нэгийн даваанд уначихсан аваргуудын халаглал байдаг даа. Түүний нэгэн илэрхийлэл Нямдоржийн үг боллоо.

Уул нь Нямдорж гишүүн бол Монголын парламентад хамгийн удаан сууж хууль бат­лалцсан луугаруудын нэг юм сан. Дэмбэрэл, Гончигдорж, Лүндээ, Нямдорж энэ хэд буруу зөрүү ярих нь бүү хэл сул үг унагах эрхгүйгээр Монголын төрд ширээгдсэн хүмүүс. Бүгд л хууль тогтоох байгууллага-Их хурлыг удирдаж байсан бөхөөр хий нь арилсан улстөрчид. Гэтэл өнөө хий нь гарсан, сул үг ч унагах эрхгүй хашир бурхи чинь буруу зөрүү ярихын дээдийг мэдрүүлж, нийгэмд тодорч л байвал юуг ч хамаагүй ярьж, үйлдэж дэвэн дэлхийгээр цуурч болдгийг өөрийн биеэр харууллаа.

Аргаа барахдаа авгайгаа­раа хүртэл улс төр хийлээ. Айна, ичнэ гэдгийг ч мартав бололтой. Халдавч хар халзандаа гэдэг шиг ядах нь ээ өөрийнхөө эхнэрийг доромжлоод зогсохгүй өрөөлийн эхнэрийг хавчуулж ирээд элдэв дээдээр хэлдэг нь юув дээ. Гончигдоржийн гэргий “Чиний эхнэр сайд хийж болдоггүй юм байгаа биз. Би яахаараа сайдаар ажиллах нүүргүй хүн бэ. Чуулганы танхимд хэн нэгнийг тэгж хэлэх эрх чамд байгаа юм уу” гэвэл манай хүнд хариулт байна уу. Ингээд бодохоор хүний амнаас гарч байгаа үг бүхэн цаанаа утга учиртай. Улс төр хийнэ гэдэг эхнэр хүүхдээ хүртэл доромжилж эрээ цээрээ алдахын нэр биш байлтай.

Н.ГАНТУЛГА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жавар жанжин жар хонодог гэдэг дээ

Манай өвөл эхэлж байна. Гадаа тас няс хийсэн жавар тачигнах аж. Энэ хүйтэнд ч мань хэдээс нь өөр амьтан тэсч амьдрахгүй л дээ. Хэдэн муу бор шувуу шороо ухаж бөөвийцгөөгөөд, хэдэн мал минь даарч өлссөндөө шүдээ хавиран хөлөө эвхэцгээгээд л. Дээр нь хэдэн халтар монголчууд согтоод уначихгүй шүү бол тэсээд хаврын тэргүүн сарыг үзчихнэ дээ. Энэ хэдээс бусад нь манай хотын тачигнасан жавар, манарсан утаанд байж чаддаггүй юм гээ биз дээ. Байвал хүн амьдарч болохгүй аюултай газар байсны нэмэгдэл гэх мэт цалин цавгаа нэмэгдүүлж байгаад Бээжин хавьцаа л өвлийг авдаг бололтой юм. Муу годил тарвага хүртэл өвөл болохоор доошоо ухаад хөлдүүсийнх нь дор ороод унтаад өгнө гээч. Монголын энэ мөсөн дээр азарган чоно л бөөн хөөр баясал болж “хавтагаа” наан хөргөж ороо отоо нь орж байгаа. Бас тарган мах уур савсуулан чанаж халуунаар нь огтолсон монгол хархүү бөөн цан хүүрэг татуулан гэрээсээ гарч сэгсүүргэн дээлийнхээ энгэрийг яран жавар сэвэн сэрүүцэж байгаа. Өөр амьтай голтой амьтан энэ хөлдүүсэн дунд тэснэ гэж үү. Жавар тачигнаж бүх л юм хөлдөн болор мэт болж түүний талстан дээр туссан нарны гэрэл гялс гялс хийн ойно. Тийм ээ, Монголын энэ их тас няс хийсэн жавар ариусгах чанартай. Хөлдүү цэцэг, хөлдүү бохир хоёр ямар ч ялгаагүй мөс байдаг. Бас хөх Монголын хүйтэн жавар бидний тусгаар тогтнолын баталгаа ч болдог. Ай хүйтэн байна шүү. Жавар жанжин жар хонодог гэсэн үгтэй дээ.

Ж.САНДАГДОРЖ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхбаяр-эв нэгдлийн баталгаа

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч (баярлаг, хөөрхий!) Н.Энхбаярыг магтах гэж байна. Монголчуудын өнөөгийн ололт амжилтыг түүнгүйгээр төсөөлөх аргагүй гэдэг нь үнэн юм шүү.

Энэ хүний үе буюу 1997-2009 оны хооронд тэр ямар алба хашна, тэр нь улсын хамгийн том алба болон хувирч байлаа. Анх түүнийг УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга байхад Монгол Улс дахь хамгийн том шийдлийг сөрөг хүчин л гаргадаг байсан. Хоорондоо алалдаж байсан эх баригч Ардчилсан холбоо эвслийн аль дийлдсэн талд нь орж дийлэгч болтол нь тусална. Дараа нь дийлдсэн талыг гижигдээд эхлэх жишээний. Сөрөг талынхнаараа ингэж дамшиглаж бах таваа хангаж, шороотой хутгах тавилан ямар ч баатарт олон олдохгүй биз ээ?

Дараа нь түүний эрхэлсэн ажлыг дагаад Ерөнхий сайд, Их хурлын дарга, улмаар Ерөнхийлөгчийн албууд дэс дараатайгаар “улсын толгой” болж явсан байх юм. “Гүтгэгч” нарын ярьдгаар бол томоохон тендерүүд 1997 оны хавьд МАХН-ын бүлэг дээр шийдэгддэг байснаа, 2000 оноос Ерөнхий сайдын зөвшөөрөл чухал болж. Энэ байдал 2004 оноос жаахан өөрчлөгдөж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг дээр очсон гэнэ.

Аргыг нь олбол ямар ч албан дээрээс төр жолоодож болохыг нотолсон тэрээр арван нэгэн жил, уламжлалт тооллын “хий настайгаа төд” гэдгээр бол Дорнын 12 жилтэй тооллын нэгэн цикль эргэх хугацаанд төр барьжээ. Газар зүйн хүчин зүйлээс үл хамааран дэлхийн хэмжээний бизнес хийх боломж гарсныг “даяаршлын үр дүнд дэлхий хавтгай болов” хэмээн үзэж байгаа бол сандал ширээ нь хаа байгаагаас үл хамааран төр жолоодож болохыг нотолсон энэ явдлыг “энх баярын үр дүнд төр хавтгай болох” гэмээр ч юмуу?

Үндэсний “Хавтгай төр”-ийг үндэслэгч бээр манай улс төрд чамгүй их өв үлдээжээ. Түүнийг авлигын загалмайлсан эцэг энээ тэ­рээ л гэдэг. Мань хүн замыг нь жаахан засаад өгсөн үү л гэхээс биш, манайх шиг хөрсөнд Энхбаяртай, Энхбаяргүй авлига цэцэглэх л байсан даа.

Сайн ч юм бишгүй л байх. Газрыг хувьчилж эргэлтэд оруулсан, Их өрийг учир битүүлгээр “тэглэсэн” энээ тэрээ гээд. Даанч биеэ магтсаар байгаад хамаг юмаа баллачихсанаас биш. Уул нь аливаа магтаалыг өөрөө хэлснээс өөр хүн хэлж байвал зүгээр гэдэг шалихгүй үнэнийг огоорсноос болсон хэрэг.

Түүний эзэгнэлийн он жилүүдэд Монголын үндэсний ухамсар сонгуульд “эрлийзээрээ дуудуулсан хүнийг унагаадаг” байснаа өөрчлөгдөж “эрлийзээр дуудсан хүн” унадаг болтол хувирсан. Чухам энэ хувирлыг л тооцоолж хараагүй учраас тэр халаагаа өгсөн дөө. Гэхдээ энэ бүгдийг энд ярих гэсэн юм биш.

Яг нарийндаа үндэсний удирдагч (урамшиг, зайлуул!) Н.Энхбаярын үлдээсэн хамгийн том өв бол үндэсний эв нэгдэл болж таараад байна.

Сөрөг хүчнээ хагаралдуу­лан сульдааж, толгой эргэм амжилт олж засгийн эрхэнд гарсан аргаа тэрээр нам дотроо туршиж эхэлсэн юм. Учирнь 2000 оноос засаг төрийн үнэмлэхүй эрх түүний гарт орж, сөрөг хүчинсээд байх юм алга болов. Ингээд нам доторх эрх мэдэл, байр сууриа улам баталгаажуулахын тулд тэрээр жижиг бүлэг болгон харгалдуулж, ялагдах цагт нь тусалж, харин ялаад ирвэл хандыг нь дарах замаар номхон томоотой төдийгүй, дуулгавартай байлгах гэж үзлээ. Ахин ахин хийгээд явсныг бодоход амжилт олж амтшсан хэрэг юм болов уу?

М.Энхболд Ерөнхий сайд болдог буудаг, мөнөөх Хүрэлсүх алдраа дуудуулдаг, дараа нь дуудагддаг, нэг нам доторх мөртөө нэг нэгнээ нэг нүдээрээ ч үздэггүй залуучуудын байгууллагууд энэ бүхэн түүний “нэр нөлөөгөө бэхжүүлэх”, “хашраах”, “хэр хэмжээг нь ойлгуулах”, “эзэндээ долигонох өрсөлдөөн үүсгэх” ажиллагааны үр дүн байлаа.

Гэвч тодорхой цагт “орон бүхний хүүхэлдэй”-нүүд эргээд нэгдэж эхэлсэн юм. Эргээд нэг харсан чинь Ардчилсан нам, Хувьсгалт нам хоёр дундаа нэг зовлонтой болчих нь тэр. Тэр зовлонгийн эх сурвалж нь нэг газраас үүдэлтэй аж. Ингээд зовлонгийн шалтгааныг хамтдаа арилгахаас өөр замгүй болов. Шижээргүй байрын нэгэн гүн ухаантан “Нөхөрлөлийн хамгийн том шалтгаан нь дундын найзлал биш, харин дундын дайсан” гэж эрээ цээргүй ам алдсан байдаг. Одоо тэрнийхээр болов. Нэгэн цагт түүний эзэмшлийн хана хэрмийг улам бэхэлж сүндэрлүүлж байсан арга, өнөөдөр эргээд нураах шалтгаан болох нь тэр.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, шадар сайд М.Энхболд, МАХН-ын экс дарга С.Баяр нарын зэрэг биедээ таагүй байх түмэн шалтагтай лидерүүд ийн ганбат найрамдлыг чухам Н.Энхбаяр л гагнаж өгөв. Тэд хоорондоо “Энхбаяр л гараад ирэхгүй бол ЧИ дарга байсан даа яахав дээ” хэмээн найр тавих болсны хүчинд төрийн машин гацаагүй ажиллаад эхлэв.

Өөрийнх нь хэлээд байдаг шиг, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН нэр дэвшигчийнхээ эсрэг бол ажиллаагүй байх аа. Харин түүний төлөө хуйвалдаан, луйвар хийгээгүй, сонгуулийг жамаараа болог хэмээн орхисон гэвэл үнэнд илүү ойртох болов уу?

Түүний тоглоом болж хаширсан МАХН-ын өнөөгийн удирдагч нар “Ардчилсан намтай эвтэй байхгүй бол манай хүн очиж нийлээд биднийг баллаж мэднэ. Иймд өрсөж холбоотон болох, Засгийн газартаа оруулах” тухай сэтгэхээс өөр аргагүй болж байна. АН-ын зүгээс ч гэсэн “Энхбаярын сөргөлдөгч С.Баяр, М.Энхболд, Хүрэлсүх энээ тэрээтэй сайндаж байхгүй бол “тэр маань” эргээд ирнэ” гэсэн болгоомж төрөхөөс өөр замгүй.

Энэ бүхний үр дүнд улс төрийн сөргөлдөгч хүчнүүдийн дунд ер бусын эв нэгдэл бий болов. Эвслийн Засгийн газар ч байгуулагдав. Оюу толгой, Таван толгой гээд урьд өмнө нь хөлөө жийлцэж байсан асуудлаа, эв эеэ хичээн шийдэж гарлаа. Хамаагүй маргавал эв эеэ эвдэх вий гэсэн айдас төрөх тул маргаантай асуудлыг хурцатгахаас ямагт зайлсхийнэ.

Гудамжинд жагсаал цуглаан болоод ирвэл “Цаана нь Энхбаяр маань сууж байгаа” гэхээр намжаад бүгдээрээ засаг төр ба эвсэж байгуулсан Засгийн газрынхаа талд орохоос өөр замгүй болж байна.

МАХН-АН-ын засгийн эрх барих хамтын ажиллагаа эхлээд хоёр жил боллоо. Уул нь монгол хүний хувьд анх яагаад эвлэснээ мартахад хангалттай хүрэлцэх хугацаа л даа.

Гэтэл Н.Энхбаяр маань үе үе “би дутуугаа гүйцээмээр байна”, “хана хэрмээ нураая” гэж орилон гарч ирээд “Өмнө зүгт Тангуд улс байгаа” гэж сануулаад өгөх юм. Тэр хэрээр нөгөөдүүлийнх нь эв нэгдэл эргээд зангидагдах аж.Өнөөдөр монголчууд эвтэй байгаа, эвтэй байгаагийнхаа хэрээр хүчтэй байгаа нь ийм л учиртай.

Уг нь “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” хэмээх афоризмыг Н.Энхбаяр өөрөө бодож олж билээ. Үнэн хэлжээ.

2010 оны 8 сарын 18

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ийм нэг зүйр үг

“Сайн нэрийг хүсэвч олохгүй, муу нэрийг хусавч арилахгүй” гэсэн ардын мэргэн үг бий. Бараг хүн бүр үүнийг мэддэг. Захын хүнээс асуухад л “Аа тийм, нэг ийм үг байдаг л юм. За яахав дээ, худлаа гэхэд хаашаа юм. Нэг их тэгээд л нэр төр нь хугараад л, сайн нэр олдохгүй байдаг гэсэн юм орчин үед үгүй ш дээ. Юм өөр болсон гэж байгаа” хэмээн өөдөөс цэцэрхэнэ. Нэгэнт ингэж үздэг болсон хүмүүс нэр төрийг хайрлах үзэл огт байхгүй гэхэд хилсдэхгүй. Нэг удаагийн ашгийн төлөө яаж ч чадах, бүр түүнээ хөөрөлхөн гайхуулах нь жирийн харилцааны соёл болсон нь харамсалтай. Гэвч хүн гэдэг амьтан бүтээгдсэн тэр цагаасаа хойш яг хэвээрээ байгаа. Тэр pad хэрэглэдэг л болсон болохоос чулуу хэрэглэж байснаасаа юу нь өөрчлөгдсөн гэж. За яахав нойтон арьс нөмрөхөө байж нийлэг эдлэл өмссөн л байх. Өөр юу ч өөрчлөгдөөгүй. Тэгэхээр ёс суртахууны тэмдэг огтхон ч өөрчлөгдөөгүй гэсэн үг. Өнгөцхөн харахад чи сайн нэрээ хөөдчихөөд араас нь мөнгө төгрөгөөр баллуурдаад мартуулсан гэж бодож байгаа. Хүмүүс яг өөртөө тулсан зүйл дээр таны нэр ба ашгийн төлөө хүнээ байсныг чинь санадаг л байхгүй юу. “Тэгэхэд яаж аллаа, ямар араншин гаргаж байлаа” гэсэн үгийг та мартаагүй байна уу. Тэгвэл энэ үгийг бусад хүн ч санаж байгаа. Нэрээ баастаж сэтгэлээ хөөдөх нь тийм ч хүсмээр зүйл биш дээ, уул нь. Хусах нь байтугай дэлбэлээд ч арилдаггүй юм.

Ж.САНДАГДОРЖ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэсний “Хуурамч долоо хоног”

Хүмүүс эхлээд ухаалаг гар утсаа буруутгаж байж. Баасан гаригийн орой найзуудтайгаа доргихоор төлөвлөсөн залуугийн утаснаас эхнэр рүү нь мессеж нисч “Танай хүн чинь ууж идэх л юм сэдээд байна, бушуухан залгаач” хэмээн сануулснаас эхэлж. Итгэлтэй нэгэндээ явуулсан “Найздаа ганц сая төгрөг зээлээч, долоо хоногийн дараа өгье” гэсэн мессежийн араас “Хайран мөнгө, баян хүн өөрөө л мэдэж дээ. Шударга ёсыг дээдлэгч Айфон анд чинь” гэсэн сануулга дагаж очоод байхаар чинь тэгж бодолгүй яахав дээ.

Улмаар гишүүн Бямбацогтын утсанд байсан гэх “гишүүн Зоригт манай талд орох гэж байна” гэсэн маягтай мессеж гишүүн Зоригтод өөрт нь “Энд нэг ийм шударга бус юм болоод байгааг хэлэхгүй өнгөрч тэвчсэнгүй. Танд үнэнч Самсунг” гэсэн дагалттайгаар нисээд хүрч.

Өөрөөс нь айхавтар утастай болсноо ухаарсан гишүүд “ухаалаг гар”-аа халцгааж, хуучны нокиа 3210, 3310, хориод жилийн өмнөх Сиймэнс, моторолаг зах дээрээс олуулан барьж эхэлжээ. Гэтэл “Нарийн цариг бүхий төмөр замыг дэмжиж хятадыг дэмжих нь тодорхой болов. Ард түмээн юу бодож байна. Нокиа чинь өчив”, “Хайран сайхан эх орныгоо баллах монголчуудаа зүгээр харж тэвчсэнгүй. Зүрхний анд Моторола нь” гэсэн мессеж цувраад эхлэв.

Гишүүд тэвчээртэй улс боловч “Танайхаас сонгогдсон гишүүд ийм асуудал дээр дуугүй суугааг сонгогч та юу гэж үзэж байна. Ард түмний талд зогсогч Сиймэнс” гэсэн мессеж хөдөөгүүр тарахын хэрд тэвчээрээ баран “тэр Сиймэнсийг баривчил” хэмээн үүрэгджээ.

Тагнуулынхан шалгаж үзээд “Румын гэгч уг мессежийг тараасан” болохыг тогтоосон ба яг баривчлах гэтэл хаяг нь Зүүн Европт байжээ. Уурсаж бухимдсан гишүүд “Ямар чадахгүйн зовлон байх биш, тэр румыныг хулгайлаад аваад ир” хэмээн шаардав. Гэтэл тэр нь улс болж таарав. Гишүүд ч шантарсангүй яг л “Ардын элч” кинон дээр “Сайхан хүүхэн л тааралдвал бариад байх” гэдэг шиг “Румын хүн л тааралдвал бариад ирэхэд юу нь хэцүү байгаа юм бэ” хэмээн шахамдуулсан гэх.

Тагнуулынхан “Ай, баахан амаргүй ажил бөлгөө. Манай улсын иргэн бүр таван румын олзлоод ирлээ гэж бодоход цаана нь дахиад таван сая румын ял завшин үлдэх бөлгөө” хэмээн мухардуулжээ.

Хуурамч явдал мессежээс хальж, гэрээ хэлэлцээр рүү дэвшив. МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-ын дарга хоёр хоорондоо “Харилцан үл хагацалдах” гэрээг гэнэтхэн байгуулж олныг гайхашруулав. АН-ын олон мянган гишүүд “намын даргын хуурамч явдалтай шийдвэртэй тэмцэнэ” хэмээн үймэлдэж эхэлсэн бөлгөө.

Гэтэл хуурамч явдал өөрөө хуурамч болж таарав. МАН-ын хар пиарчид нь нэг хархүүгээ шараар будаад манай Алтанхуяг руу явуулсан. Явуулахын өмнө “Наанаас чинь Энхбаяр очиж явна. Энхбаяраас чинь” гэсэн хуурамч мессеж илгээсэн гэх. Цаадахь үнэмшээд гэрээ байгуулаад хаясан. Жинхэнэ Энхбаяр солонгостоо байсан, наашаа ирээгүй гэж байна.

Өөр нэг эх сурвалжид “Ерөнхий сайд тэгж гэнэдэх хүн биш. Энхбаярыг ирэх сургаар төрийн хар хайрцаганд ороод нуугдчихсан. Харин “хүргэн” Дэнзэнгийн нүүрэнд чацарганын шүүсээр гримм хийгээд яг өөртэйгээ адилхан болгочихоод МАН-ын мэхэнд хариу барьсан гэж ирээд л цуурч байна.

МАХН, АН хоёр нийлж 2024 хүртэл “Махнан”(тавнан гэдэг шиг сонсогдож байна) болох тэр гэрээг МАХН-ын жолоодогч Н.Энхбаяр, АН-ын удирдагч Н.Алтанхуяг нар хоорондоо байгуулаагүй. Харин “Үндэсний хуурамч долоо хоног”-ийн хүрээнд МАН-ын хархүү, АН-ын хүргэнхүү хоёр зүсээ хувилган байж хоорондоо хийсэн угаасаа хуурамч гэрээ. Иймээс уг гэрээг буруушаах, хүчингүй болгох асуудал байж болохгүй. Хуурамч гэрээг буруушаах нь үнэнээсээ ийм гэрээ байвал сайн гэсэн утгатай болно. Бас хуурамч гэрээг хүчингүй болговол харин ч жинхэнэ болон хувирч мэднэ. Иймд тайван амгалан байцгаа гэж байна.

Зарим нэг сурвалжууд “Нарийн яривал Дэнзэн гэдэг хүргэн Ерөнхий сайдад байхгүй. Алтанхуяг өөрөө “Хутагт багшийн залуужих бясалгал” хийсээр байгаад орь насандаа эргээд очсон. Тэгээд хутагт багшаас Дэнзэн хэмээх сахилын нэр авсан хэрэг. Харин олон түмнийг цочирдуулахгүй байх үүднээс өглөө бүр ахимаг төрхөө сэргээсэн “мэйк ап” хийлгээд ажилдаа ирдэг юм” гэж ирээд цуурч байна…

Гэхдээ долоо хоног тэр аяараа хуурмаг байсан гэвэл нүгэл болно оо. Утасны төлбөр нэхсэн мессеж ирэхээр нь худлаа л байж таарна гэж бодоод, бодоод зогссонгүй ” Та нар хуурах хүнээ олсонгүй, арай тэнэг нэгнийг хайж үз. Амжилт хүсье” гэсэн хариугаар даапаалчихаад хичнээн маадгар суусан гэж бодно. Явж утсаа залгуулахаас…

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Түгжил барилдлагат өдөр

Бүх юм Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” зохиолын баатар Түгжил малын хулгайч болохоор шийдэж, зааварлагч багш, профессор Төмөрт шавь орсон сюжетээс эхэлнэ. Түгжил Говь-Алтай аймагт дадлагын ажлаар явж байхдаа багшаа гэнэт хутгалан хичээлийн хэрэгслээ завшдаг.

Манайхан “Тунгалаг тамир”-ыг ид уншиж байх үед “араас хутгалах” гэсэн өрнөдийн хэллэг, “Энэ чинь чи байсан юм уу, Брут минь” гэдэг афоризмтойгоо орж ирэв. Юлий Цезарийг хамгийн итгэлт хүн болох Марк Брут нь араас нь хутгалан алжээ. Юлий маань “Et tu, Brute?” хэмээн латинаар дуу алдаад үхсэн юм байна.

Цезарь ч амь тавьж байж ёолохын оронд афоризм хэлдэг, Брут ч ганц дүрээд зүйл дуусгах мөртлөө тархины цусан хангамж хариуцсан судсыг хөндөлгүй орхиж, хохирогчид цэцэрхэж амжих зай үлдээдэг, аль аль нь сүрхий улс ажгуу.

Харин цахиур Төмөр мань Түгжилийг таньсан боловч “Et tu, Tugjil” гэхийн оронд “Хэдэн муу адсаганаас болж хүн алах нь шив дээ” хэмээн шавийнх нь үйлдэл ашигт үйлийн коэффициент маш багатай болохыг шүүмжилжээ.

Төмөр хутгалуулахдаа олигтой афоризм латинаар хэлээгүй, дээр нь үхээгүй, нарийн яривал Түгжил араас нь биш хажуу сүвээ рүү нь дүрсэн зэргээс үл хамааран монголчууд өөрийн “Брут”-ийг Түгжил, “араас хутгалах”-ыг “Түгжилдэх” хэмээн нэрийджээ. Энэ нь ч дээр юм. Хэн нэгнийг “Брут Дорж, Брут Должин” гэхчлэн хэлэхэд олон түмэн бакалавр Дорж, магистар Должин гэдгээс ялгахгүй, зэрэг цол юм байх гээд харин ч хүндлээд явчихаж мэднэ.

Өнөө намрын дунд сарын 17-ны балжинням, дашням давхцсан өдрүүдийн араас манай улс төрийн амьдралд Түгжил давхарласан өдрүүд залгав. Нэг өдөр байсан бол яахав, хэд хэдэн өдөр, бүр долоо хоногоор давхцав. Залхсан хүмүүс “нэг Түгжилдвэл долоо түгжилдэнэ” гэж энэ л байх гэлцэн толгой сэгсэрч байна.

Эхлээд Батзандан гишүүн маань нам, засгийн удирдагчийг огцруулах бичигт гарын үсэг зуржээ. Угаасаа “нам, засгийн эсрэг юм” байнга ярьж, “дайсны үзэл суртлын идэш” болмоор юм сэдэж явдаг түүнд “социалист хөдөлмөрийн бригад” нь дургүй.

Сайхан далим гарч, түүнийг Түгжилээр нь дуудаж эхлэв. Гэтэл нам, засгийн тэргүүн Алтанхуяг дарга маань бараг л маргааш нь “Солонгосын бүтээлч хөдөлмөрчдийн дунд хүмүүжиж байгаад ирсэн” Н.Энхбаяртай улс төрийн сүй тавьчихав.

Өчигдөрхөн л Энхбаяртай тэмцсээр байж арай гэж ялж засгийн эрхэнд намаа гаргаад дотор онгойн унтсан АН-ын гишүүд өглөө нь “Энхбаярын талын хүн” болчихоод сэрэв.

Хамгийн шинэ түгжил болсон нам, засгийн удирдагчийн хажууд муу Батзандан бол хуурамч Дамбийжаа, түгжилдэх гэж зүгээр л гурилддаг гар аж. Гэхдээ яах вэ, “түгжлийн дэргэдэх түгжил шарлана” гэгчээр оргүй ч амьтан биш.

Хотын намын дарга Бат-Үүл маань нам, засгийн Түгжилийн явдлыг жигшин “Түгжилдэх мөрөөрөө өөрөө Түгжилдэхгүй, бүхэл бүтэн намыг түгжилдэхийг зөвшөөрөхгүй” гэдгээ ярив.

Нам, засгийн Түгжил нь “Бат-Үүл намайг түгжилдээд байхдаа яах вэ” гэснээр “Үндэсний Түгжил”-ийн долоо хоног эхлэв. Түгжил нь бүх нийтийн үйл хэрэг болсноор утга нь өргөсөж “таалагдахгүй байна” гэдгээс эхлээд “таалагдаж байна” гэсэн утгыг хүртэл олсон байна. Бие биедээ эрхлэх хос “Хайр аа, чи минь намайгаа түгжилдмээр л байна уу”, “Би чамдаа аймаар түгжилтэй ш дээ” гэлцэхийг нойр хулжсан эмээ нар нэг биш удаа сонссон байна. Нэгдүгээр төрөхийн тэнд, аав болж баяр хөөр нь багтаж ядсан хархүүгээс “Хүү юу, охин уу” гэж асуухад “Түгжил” гэчихээд, амаа барьсан явдал ч тэмдэглэгдэж.

Түгжлээр амьсгалсан долоо хоногт бага сургуулийн хэл зүгшрүүлэх хичээл “Түгжлийгээ түгжлээрээтүгжилдүүлбэлтүгжилдүүлээрэй,эстүгжилдүүлбэлтүгжлийгээтүгжилээрэээстүгжилдүүлээрэй” гэсэн хэллэгээр эхэлж, фото студийн зурагчин “За дарлаа шүү. Түгжил гээрэй” хэмээн үйлчлүүлэгчдээ сануулж, айраг найрын дундуур “би сайн эр болж нэг амьсгаагаар гучин хоёр цагаан түгжил хэлье ээ. Нэг цагаан түгжил, хоёр цагаан түгжил, гурван цагаан түгжил….арван цагаан түгжил” гэснээ дуу нь тасрах бөлгөө.

Хүмүүс “Үгүй ер өө, Түгжил нь түгжлийнхээ түгжлийг гайхав” гэгч болох нь шив дээ хэмээн ширэв татах аж.

Бараг л бүх утгыг энэ үгээр илэрхийлж болохыг “Үндэсний Түгжлийн долоо хоног”-ийн үеэр харлаа. Гудамжинд таарсан хоёр хүн “Хүүе ээ. Түгжил минь. Би чамайг эхэндээ Түгжил юм байх гэж бодлоо. Чи ч муу Түгжлийгээ тоохоо байж ээ”, “Түгжил та хоёр чинь яагаад байнаа гэв ээ”, “Түгжилд л түгжилдүүлчихгүйбол Түгжлийгээч түгжилдчихэлгүйдээ, муу Түгжил агаа нь” гэлцэн хөөр баяр болно. Автобусны кондуктор “Долоон түгжилд буух хүмүүс буугаарай, Түгжилийн уулзвар дээр буух нь хаалгандаа дөхөөрэй” хэмээн анхааруулж, цаг агаарын мэдээ “Түгжил зүгийн нутгаар ялимгүй цас орно. Агаарын даралт унана” гэдгийг сануулах бөлгөө.

Түгжилгүй ч юм алга. Зул сар, шинэ жилийн мэндчилгээний ил захидлыг “Шинэ түгжлийн мэнд хүргэе”, “С новым тугжелом” “happy new Tugjil” гэсэн бичигтэйгээр хэвлэж эхэлсэн байна.

Манай уран бүтээлчид ч арвин ургацтай байжээ. Зураач нар маань нам, засгийн удирдагчдаа монгол зургийн аргаар, уламжлалт бурхадын чуулганы тигээр бүтээгээд “Сайн цагийн 1000 түгжил” хэмээн нэрийдсэн байна.

Зурхайчдын холбооноос шар, шарагчин хоёр махбод давхцсан өдрийг “Түгжил барилдлагат өдөр” болгон, цаг тооны бичигт оруулах болсноо зарлав. Энэ өдөр эхнэрээ араар нь тавих, нөхрөө мурих, дайсантайгаа нэг хөнжилд орох зэрэг хатуу үйлийг бүтээхэд нэн өлзийтэй хэмээнэ.

Засгийн газраас жил бүрийн Х сарын гурав дахь долоо хоногийг “Үндэсний Түгжлийн долоо хоног” болгох тогтоол гаргаж, энэ хугацаанд юу санасан есөн хонзонгоо тайлж хэвшихийг уриалжээ.

Гандан хийдэд ч ялгаа алга. Ном бичүүлэх эмгэн “Сундуй Жадамба, Түгжил… бишээ, насаа нэммэр чинь…Алтан хэн билээ өнөө гайхал чинь.. би юу ярьчваа, Алтангэрэл ш дээ” хэмээн уулгална. Ном бичдэг лам ч ялгаа алга, “Сандуйн жүд, Говий Түгжил… ээ базарваань..Лха” хэмээснээ эндүүрлийг тонилгогч тарни тоолно. Гараад иртэл мөргөлийн жавданд сунангаа толгой дээрээ гараа наманчилсан настан “эх болсон зургаан Түгжил…” гэснээ учиргүй санаа нь зовов бололтой” зургаан зүйлийн хамаг” хэмээн их зөвөөр үргэлжлүүлсэн боловч “…түгжлийн тусын тулд” хэмээн ахиад л хадуурлаа.

2014.10.22

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын улс төр болоод улстөрчид үнэхээр хоцрогджээ

Монгол Улс сүүлийн хорин жилийн хугацаанд танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн. Энэхүү өөрчлөлт шинэчлэл, хөгжил дэвшил нь хүмүүсийн сэтгэлгээнд байлаа. Бид бүхний бодол сэтгэхүй эрс шинэчлэгдэн, хүүхэд залуу үе маань оюунлаг чадварлаг болж үзэл бодол, амьдралын хэв маяг нь зөв төлөвшөөд ирэхээр улс орны нэр хүнд дэлхий дахинд өсч үнэт капиталууд бий болоод эхэлж байгаа юм. Тэрхүү үнэт капитал нь улс орны ирээдүй болсон монгол хүн, Монголын залуучууд байлаа.

Өнөөдөр Монголын залуу үеийг ерээд оны үетэй харьцуулахын аргагүй болсон. Аливаад хандах хандлага, амьдралын зарчим чиг шугам нь манайхны хэлдгээр тэнгэр газар шиг зөрүүтэй болж. Үүнийг наад захын хэдэн жишээгээр аваад үзье л дээ. Дугуй унадаг залуучууд олон болсон байна. Монголын залуучуудын холбоо нь санаачилга гаргаад, төсөл хэрэгжүүлээд “спиртийг биш спортыг сонгоё” хэмээн залуучууддаа уриалж байна. “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг манайхан хэн хүнгүй мэдэж байгаа. Гэвч Монголын төр энэхүү уриалгыг дэмжиж дугуйн зам Улаанбаатар хотноо бий болгосонгүй. Дэлхийн хотуудын ижил эрүүл нийгмийг Монголдоо бий болгохсон гэж зорьж тэмүүлсэн залуусынхаа санаачилгыг дэмжсэнгүй, гөлгөр дүлий өнөөх л хөрзгөр хэвээрээ байж байна.

Дугуй унахаас гадна эрүүл мэндээ бодоод залуучууд гүйдэг болжээ. Нийслэл хотод олныг хамарсан тэмцээн зохиох нь бүү хэл ганц хоёроороо гүйчих талбай алга. Гүйлтийн зориулалтын зам ч алга. Монголын нийслэл Улаанбаатар хүн амьдрахын аргагүй хот гэдэг нь энэ хоёр жишээнээс л илт харагдаж байгаа юм. Дэлхийн хотуудын жишгээс харахад, иргэдийнхээ эрүүл мэнд, тав тухыг бодож тэдний эрхийг хүндэтгэх үүднээс дугуйн зам, гүйлтийн замыг нэн түрүүнд шийддэг юм билээ.

Өнөөдөр манай нийгэмд юу бугшиж байгаа вэ гэхээр замын түгжээ, агаарын бохирдол гээд цааш явна. Түүнээс улбаалсан уур бухимдал, стресс ноёлох нь мэдээж. Сэтгэл гутрал, стрессийг гүйлтийн хүчинд хөнгөхөөн давж гарахыг сэтгэцийн эмч нар зөвлөдөг. Мөн чийрэгжүүлэх гүйлтийн нөлөөгөөр цусны биохимийн найрлагад өөрчлөлт орж хорт хавдраар өвчлөх нь эрс буурдаг гэсэн судалгаа ч бий. Эл бүгдийг залуучууд гүнээ ухамсарлаж, эрүүлээр сэтгэж зөв амьдралын төлөө тэмүүлэх болсон. Үнэндээ Монголын залуу үе ийнхүү өндөр боловсрол мэдлэг эзэмшиж, олон улсын стандарт бүхий сургуулиудад нэр төртэй суралцаж нийгэмдээ өөр сэтгэлгээ, өөр орчинг бий болгож эхэлсэн.

Дэлхийд эхний гуравт бичигддэг бидний сайн мэдэх Массачусетсийн технологийн их сургууль буюу МIТ-ыг манай залуусаас хүссэн нь очоод төгсөж байна. Уг сургуулийн институтыг компьютерийн шинжлэх ухаан, инженерийн мэргэжлээр дүүргэж, Стэнфордын их сургуульд боловсролын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж байна. Тэгээд мэргэжлээрээ Google, Yahoo зэрэг дэлхийн томоохон компаниудад шууд ажиллах эрхийг авч байгаа нь бахархмаар.

Ойрын гуравхан сарын мэдээг эргээд харъя. Оюуны олимп гэгддэг шатрын өсвөрийн дэлхийн аваргад долоон настай охин Д.Мөнхзул түрүүллээ, “Алдар”-ын тамирчин охин С.Цэрэнчимэд бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга болж өөрийн жиндээ дэлхийд нэг номерт бичигдлээ, Г.Болдбаатар жудогийн дэлхийн аварга боллоо, Америкт болсон цэргийн дэлхийн аваргад Монголын тамирчид багаараа түрүүллээ гэсэн мэдээ ар араасаа давалгаалж байна. Инчоны Азийн олимпод Монголын тамирчид ямар дуулиантай оролцов. Бөхийн төрлүүдээс гадна сагс, волейболоор мөн онцгойрч манай тамирчдыг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд сонирхож үнэ хаялцаж байна. Үүнийг л өнөөгийн залуу үе, ерээд оны үетэй харьцуулашгүй тэнгэр газар шиг зөрүүтэй гэж хэлээд байгаа хэрэг шүү дээ. Ерээд оны эхээр залуучууд маань ямар байлаа. Эх захгүй архиддаг, уусан идсэнээ нэгэндээ гайхуулж ярихаас өөр зүйлгүй, даанч өрөвдмөөр байсан. Өнөөдөр ерээд оныхон шиг тэгж архиддаг залуусаас үе тэнгийнхэн нь шууд л зайгаа авч, бусаддаа хэлж архи гудардаг нөхдөө оркууд гээд ойртохоос цэрвэдэг болсон байна. “Соёлт хүн төрөлхтөнд ийм л том зөрүү байгаа юм” гэдэг шиг өнөөдөр ийм л зөрүү манай залуу үеэс ажиглагдах боллоо. Орк гэдгийг манайхан мэдэж байгаа. “Бөгжний эзэн” киноны зэрлэг бүдүүлэг омгийн нэр л дээ.

Архи уудаг, идсэн ууснаа гайхуулдаг нөхдөө оркууд гэж зэрлэг бүдүүлэг мэтээр ойлгож өөрийн хүрээллээс маш хурдан гаргаж, эрүүл амьдрал хөгжил дэвшлийн төлөө залуу үе тэмүүлж буй. Үүний баталгаа бол Монгол Улс сүүлийн хорин жил танигдахын аргагүй болтолоо өөрчлөгдсөн явдал юм. Энэхүү өөрчлөлт шинэчлэл нь монгол хүний сэтгэлгээ сэтгэхүйд байна хэмээн томьёолсон маань ч ийм учиртай. Залуу үе ингэж хөгжиж олон улсын стандарт зэрэглэлийн дагуу боловсрол мэдлэг эзэмшиж, соёлт хүн төрөлхтөнтэй алхаа нийлүүлж, авьяас чадвараараа дэлхийд гайхуулж, бишрүүлж байхуйд Монголд нэг л зүйл хуучин хэвээр, огтоос өөрчлөгдөхгүй бахь байдгаараа байна. Ерэн оны цаг үетэйгээ ижил сэтгэлгээтэй, өөрчлөлт шинэчлэлийн салхи савир үзэлгүй зэвхий даасан өнгөтэй байна. Энэ бол Монголын улс төр хийгээд улстөрчид.

Монгол ардын нам, Ардчилсан нам хоёрыг голлох намууд гэж авч үзэх нь мэдээж. Энэ хоёр намаас өөр улс төрийн томоохон хүчин өнөөдөр алга. Тэгтэл МАН, АН хоёр ерээд оны ихээр ямар үзэл баримтлалтай, ямар удирдлага түшмэдтэй байсан тэр хэвээрээ байна. Үүний тод баталгаа нь дээрх хоёр улс төрийн хүчин ерээд оны эхээр юу ярьдаг байсан, яаж улс орны хөгжлийг хойш нь татдаг байсан, яаж ард түмнийхээ ахуй амьдралыг балладаг байсан нь өдгөө тэр чигээрээ хадгалагдаж буй нь үнэндээ зэвүү хүргэж байна.

Сүүлийн үед манай улстөрчид нэг жишээ ойр ойрхон татах болжээ. Энэ бол маш ноцтой жишээ. 1990 онд Хятад, Орос, Монгол гурав яг адил байжээ. Нэг гараанаас гарсан гэнэ. Одоо харахад Орос, Хятад хоёр супер гүрэн болоод Монгол ерэн оныхоо хэмжээнд үлдсэн гэцгээдэг боллоо. Тэгээд үүнийгээ ардчиллыг сонгосноос боллоо гэж одоохондоо арай хэлэхгүй байна. Яваандаа бол хөршүүд шигээ байя гэх байх. Яг жинхэнэдээ яагаад ийм байна гэхээр ерэн оны улстөрчид ерэн онд хийж байсан зүйлээ дахин давтан хийгээд байхаар чинь энэ улс орон яаж хөгжих юм бэ. Тэд л огцруулна гэсэн. Өөрсдөө гарна гэсэн. Огцруулсан өөрсдөө гарсан. Дараагийн улстөрчид бас л огцруулна гэсэн огцруулсан гэх мэт.

Саяхан Их хурлын гишүүн Я.Содбаатар манай сонинд өгсөн ярилцлагадаа “Ардчилсан нам боловсон хүчнийхээ бодлогод өөрчлөлт хийгээсэй гэж хүсч байна. Сүүлийн 25 жил салхи орсонгүй. 25 жилийн өмнө байсан улстөрчид өнөөдөр байж л байна. Ардчилсан намын бодлого энэ хэдэн хүний хүрээнд явж байна. Энэ хүмүүс бүгд өвгөрсөн, тэтгэврийн нас нь ойртсон. Шинэ чадварлаг хүмүүс орж ирээсэй” гэж хэлсэн. Энэ маш үнэн үг юм. Залуу гишүүний хэлсэнчлэн Ардчилсан нам сүүлийн 25 жил намынхаа бодлогод салхи оруулсангүй ээ.

Хэдэн данхар толгой л байгаад байдаг. Дороо хөлгүй тулах суурьгүй явж иржээ. Энэ бол нэг л өдөр маш хүчтэй газардаж, тун эвгүй байдалд орохын дохио мөн биз дээ. Монгол ардын нам ч мөн ялгаагүй. Хэдэн егзүгэр улстөрчид л хөмхийгөө зуусаар өдий хүрсэн. Улс төрийн энэ хоёр хүчин залуу үеэ бэлдэлгүй өвгөрцгөөжээ. “Араасаа залгах үегүй Ардчилсан нам” гээд л манай сонин бичиж байлаа. Хоёр намын цөөн хэдэн улстөрчид ялзартлаа бугштлаа явж ирсний горыг ард түмэн л амсдаг юм.

Өнөөдөр харж байгаа биз дээ. Юм л болбол засаг унагана, огцруулна, завсарлага авна гээд өвчигнөж байна. Ерээд оны эхээр тэд ийм л байсан, одоо ч ийм л байна. Энэ хорин жилийн хугацаанд огтхон ч өөрчлөгдсөнгүй. Их хурлын танхимд ажил ярьж бүтээн байгуулалт бий болгохоосоо урьдаж улс төрөө буюу хэн дараагийн ээлжинд хоолонд орохоос ярьдаг. Талцаж хэрэлддэг, хороо найруулдаг. Нэгийнхээ муу муухайг олны өмнө дуудаж, үндсэндээ засгийн эрх барьж буй нам руугаа давшилж, ажил хийлгэхгүйн төлөө зүтгэцгээдэг. Тэр нь дараагийн сонгуулиар өөрсдөө засгийн эрхийг авах гэсэн өчүүхэн бодлого, өөр юу ч биш. Монголын улс төрд голлох хоёр намын 20, 20 бугшсан улстөрчид, дээр нь жижиг намуудын популизм хийсэн хэдэн нөхөд л байна. Тэгэхээр улс орон яаж хөгжих юм бэ. Ард түмний ахуй амьдрал бидний бодсон шиг дээшлэх үү. Гадны хөрөнгө оруулалт, эдийн засаг бүтээн байгуулалт энэ хэдэн нөхдөөс болоод зогсож байгаа нь үнэн байх. Ерээд оны эхээр л хоёр намын толгойд байсан нөхөд жил жилийн сонгуулиар өөрсөддөө зориулж хууль баталж, нам гэх нэрээр халхавчлан автоматаар Их хуралд суудгаа одоо болих хэрэгтэй. Эрүүл сэтгэлгээтэй эх орныхоо хөгжил дэвшил, хүн зоныхоо сайн сайхан амьдралын төлөө зүтгэж буй дараа үедээ байраа тавьж өгөх цаг чинь хэдийнэ иржээ. Энэ бүхнээс харахад, Монголын улс төр болоод улстөрчид үнэхээр хоцрогджээ.

Н.ГАНТУЛГА

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Өсөхөө аваргын аав Ц.Гэлэгжамц гуайнд өнжлөө

Бөхийн өргөөний урдхан, хүүхдүүдийнхээ барьсан орон сууцанд хоёр хөгшин налайж сууна. Цэвээний Гэлэгжамц гэж монгол бөхийн домог болсон Буур Жамъян аваргын хүргэн, өнөө цагийн бөхийн манлай Өсөхөө аваргын аав түүнтэй хуучлахсан гэх бодол эртнээс л төрдөг байлаа. Хүүгээ төрийн наадамд түрүүлэх бүрт ёс юм шиг есөн хөлт цагаан тугны өмнө гүйж очин үнсээд, сэтгэл дүүрэн байгааг нь харах бахтай сан. Өсөхөө хүүг нь Монгол Улсын дархан аварга цол хүртсэнийх нь дараа ижий аавынд нь зочилсон маань бэлгэшээлтэй санагдаж байлаа.

Гэлэгжамц гуай монгол тооллоор өнөө жил наян нас хүрч байгаа гэнэ. Тэрээр 1935 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт төржээ. Харин Өсөхөө аваргын ижий хөгшнөөсөө таван насаар дүү юм байна. Аавтайгаа буюу Буур аваргатай жигтэйхэн адилхан хөгшин уртаа гэгч хүрэн цоохор тэрлэгтэй инээмсэглээд угтсан. “Та хэдийг ирнэ гэхээр дүүгийнхээ хүүхдийг дуудаад хоол унд тэрлүүлээд байж байна. Уул нь манай хөгшин гэр орны ажилд шалмаг, гал тогоондоо хэнийг ч ойртуулдаггүй юм. Одоо жаахан ядраад байх болжээ” гэж гэрийн эзэн өгүүлэв.

Зүүн гараас Буур Жамьян аварга, Б.Түвдэндорж аваргын хамт. 1940-өөд оны дундуур

Зочны өрөөний ханын гоёмсог хүрэн шүүгээнд хадам аавынх нь зургууд харагдана. Тэр дундаа Буур аваргын Түвдэндорж аваргатай хоёул үндэсний спортын гавьяат мастерын тэмдгээ зүүгээд алхаж байгаа өнгөт зураг тодоос тод дурайж байлаа. Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор буюу далан нэгэн оны наадмаар Жамьян аварга уригдаж ирсэн байдаг.

Далаад оны эхэнд түүнд үндэсний спортын гавьяат мастер гэдэг цолын хоёр дахь дугаа­рыг нь олгосон түүхтэй. Одоо­гийн гавьяат тамирчин гэдэг цол юм. Ууган гавьяат мастер нь Түвдэн аварга шүү дээ. Далан нэгэн он гэснээс, тэр жилийн наадамд Жамьян авар­га ирээд буцахдаа Бал даргад сэтгэл жаахан дундуур байсан гэдэг. “Наадмын урьд өдөр Сүхбаатарын талбайд бөх­чүүдийг цуглуулаад нам засгийн удирдагчидтай уулзлаа. Цэдэнбал намайг харчихаад “Буур чи амьд байдаг юм уу” гээд гар барьж байна. Надаас олон дүү хүн биз дээ. Тэр ер нь хүнийг та гэж сураагүй байх. Маш амтгүй хүн юм аа” гэсэн баримт сэлт бий. Гэрийн эзний тамхилсан хөөргийг сонирхох зуур уг дурсамж сэтгэлд буусан хэрэг. Мэдээж Жамьян аварга, Түвдэндорж аварга хоёрын зургаас үүдээд. Цай цүй болоод удаагүй бай­тал Гэлэгжамц гуайн бага хүү Батбаяр орж ирлээ. “Эгч нь яав” гэж хоёр хөгшин зэрэг асуугаад авлаа.

“Хүүхдүүдээсээ дуудвал зүгээр шүү” гэж Гэлэгжамц гуайд сануулсан учир бага хүүгээ, мөн гурав дахь охин болох Нарангэрэлээ зав чөлөө гаргаад аавынхаараа ирээрэй гэж хэлжээ. Бага хүүдээ хандан “Аавынхаа хөөргөөр хүмүүстэй тамхил” гэв. Батбаярыг Өсөхөө ахын­хаа ижил улсын цолтой бөх гэдгийг мэдэх хүмүүс нь мэдэх байх. Тэрээр Архангай аймгийн наадамд 1998, 1999 онуудад дараалж түрүүлээд 2000 онд улсын наадамд анх зодогложээ. Гурвын даваанд Хөвсгөлийн Элбэгт унасан байна. Харин дараа жил нь буюу наян жилийн ойгоор “Батцэнгэлийн динозаврууд” болох Жавхлантөгс харцага, Хишигдорж заан нараар дөрөв, тав давж улсын цолны босго алхаад улмаар зургаагийн даваанд шинээр начин цол хүртээд байсан амьдаа Дашдондовын Батбаяртайгаа тунаж барилдан давж харцага цол хүртсэн нэгэн. Долоогийн даваанд Бат-Эрдэнэ аваргад амлуулж унасан түүхтэй. Батбаяр харцагаас ажил албыг нь сонирхоход “Эрдэнэт хотын Хангарьд спорт клубийн дасгалжуулагчаар ажиллаж байгаад ирсэн. Одоо удирдлагын академид сурч байна” гэв. “Манай хүү удирдлагын академид сураад сүрхий байгаа. Бодох нь ээ, том дарга болох санаатай юм байгаа биз” гэж аав нь хөөрхөн явуулж байна.

Тэрээр зургийн цомог үзэж сууснаа “Хөөх, ахыг дархан аварга болоход талбай дээр ийм их хүн цугласан юм уу” гэж дуу алдаад явчихав. “Манай гэрийнхнээс би л ганцаараа мэдээгүй” гээд дурамжхан байгаа нь илт. Мань хүн ахыгаа дархан аварга цолны үнэмлэх тэмдгийг Төрийн ордонд гардаж байх цаг мөчид “Хангарьд”-ын бөхчүүдтэйгээ бэлтгэлд гарчихсан, утасны сүлжээгүй газар байж л дээ. Тэгээд долдугаар сарын долооны оройхон бэлтгэлээс буугаад Эрдэнэтийн төв рүү орж ирэхдээ дуулсан аж.

Харин Гэлэгжамц гуай сэтгэл ихэд тааламжтай “Хүүгээ дагаад Төрийн ордон руу орж явчихсаан” хэмээн инээд цалгиулж сууна. Өсөхөө аварга нэг их гоё өндөр захтай улаан шаргал дээлтэй очсон харагдсан. Та урлаж өгсөн үү гэж ээжээс нь асуутал “Наранчимэг гэж манай охин хийж өгсөн юм. Дүүгийнхээ дээл хувцас, монгол гутлынх нь оймсны хараа чимэглэл, хөөрөгнийх нь даалин зэргийг Наранчимэг л хийж өгдөг” гэлээ. Насантогтох гуайн ээж Гарамдагий гэж үйлэнд уран хүн байжээ. Тэгэхээр охиноос нь гарсан хүүхдүүд уран байх нь. Насантогтох гуай “Ижий минь монгол гутлыг угалзтай, угалзгүйгээр нь янзын сайхан хийнэ. Аавын монгол гутлыг ижий л урладаг байлаа. Мөн зодог шуудаг оёдог, Өсөхөөг таван настай байхад нь нэг зодог шуудаг оёж өгсөн. Одоо бага хүү нь өмсөж байгаа” гэж хуучилсан юм. Гоньдоор амталсан бууз зооглох зуураа Гэлэгжамц гуайгаас хадам аавынх нь талаар асуулаа. “Буур аваргыг төрийн наадамд анх дагуулж ирсэн хүн нь Лу гүний Вандан аварга гэдэг. 1925 оны наадамд нутгаасаа ирж барилдаад халхын гурван “босоо” гэгддэг Вандан, Самдан, Шагдар нартай их шөвөгт шалгарч Хэнтийн Самданд унаж үзүүрлэсэн түүхтэй. Тэгээд 1926, 1928 онуудад арав давж түрүүлсэн байдаг. Харин ид үедээ төрийн наадамд хэд хэдэн удаа өнжсөн юм билээ” хэмээн асуулаа.

Үүнд Гэлэгжамц гуай ийн хариулсан юм. “Төрийн наадамд хоёр түрүүлж, нэг үзүүрлэж Буур хэмээн улс даяараа алдаршиж байсан тэр цагт нь эсэргүү нарын бослого гэж түүхэнд тэмдэглэгдсэн Тариатын хүрээний бослого гарч, нутаг усанд нь үймээн самуун дэгджээ. Түүнээс болж, мөн анхны хань эндсэн зэрэг шалтгаанаас үүдээд аав хэдэн жил наадамд ирж зодоглоогүй юм билээ. Энд нэг зүйлийг сонин болгоход, эсэргүү хөдөлгөөнийхөн аавыг бослогодоо элсүүлэх гэж оролдож байжээ. Цэргийн Шагж гэж сайхан бөх байсан. Өнөөдөр аварга болох хүн гээд судлаачид, Завхан нутгийнхан үзээд байгаа. Тэр хүн улсад нэг түрүүлж, хоёр үзүүрлэсэн бөх л дөө. Гэтэл гучаад оны эхээр яг ид барилдаж байсан үедээ өнөө түйрэнгүүдтэй нэгдэж, нөгөө хэд нь “Манай баатар, чамайг улааны сум нэвтлэхгүй” хэмээн хөөргөөд тулалдааны эхний суманд алуулсан байдаг. Хадам ааваас эсэргүүнийхэн хоёр морь аваад явж л дээ. Тэгээд хэлсэн хугацаанд өгсөнгүй гэнэ. Аав хонинд явлаа гэж гэрийнхэндээ хэлээд өнөө хоёр морио авахаар Тариатын хүрээ рүү явж байтал өөдөөс нь ногтоо чирсээр ирсэн гэдэг. Тэгж л аавын амийг хоёр хүлэг нь аварсан байгаа юм” гэж Буур аваргатай холбоотой хүмүүсийн тэр бүр мэдэхгүй зүйлийн талаар хуучиллаа.

Өсөхөө аваргын эгч нарын нэг Нарангэрэл гаднаас орж ирлээ. Бас л тэнгэр баганадсан эмэгтэй байлаа. Нэг метр 91 сантиметр өндөртэй гэсэн. Аваргын ээж Насантогтох гуай залуудаа нэг метр 85 сантиметр өндөр байжээ. Харин түүний аав Буур аварга ид залуудаа хоёр метр 30 сантиметр өндөртэй, 130 килограмм жинтэй байсан гэдэг. Нараа эгч “Завгүй тэвдэж явахад аав ээж хоёр дуудаад. Уул нь амралтын өдрөөр л бид энд цугладаг юм” гээд “За одоо надаас юу асуух гэж байна” гэсэн янзтай алаг нүдээ эргэлдүүлэв. “Хагас сайныг бид битүүн, бүтэн сайныг шинийн нэгэн гэдэг юм. Ёстой л битүүлж, шинэлж байгаа юм шиг аавынд мах чануулж, бууз жигнүүлж хоёр өдөр болно. Та хэдэд буузаа жигнээд өгчихөж, удахгүй мах чанана гээд унах байх” гээд инээмсэглэлээ.

“Ярианыхаа сэдвийг бөхөөс жаахан холдуулъя л даа, энэ чинь. Вандан аварга, Буур аварга, Түвдэн аварга, Өсөхөө аварга гээд л халхын алдарт аваргуудын тухай үргэлжлээд явж өгөх бололтой. Ингэхэд та ээжийнхээ ямар хоолонд дуртай вэ” гэж Нараа эгчээс тулган асуулаа. “Будаатай банштай цайнаас нь салах юм биш. Багад бол ээжийн боорцог, гамбир шиг амттай зүйл байсангүй. Манай аав боорцог их сайхан хийдэг” хэмээн сонирхуулав. Ингээд Нараа захирал (“Вайт лейк” ХХК-ийн ерөнхий захирал) Буур өвөөгийнхөө тухай “Гэр орных нь ажилд тусалж эмнэлэгт хэвтсэн үед нь хоол цайг нь дөхүүлж, хүнсийг нь цуглуулж, ус түлээг нь ойртуулдаг нь манайхаас би байсан” гэв.

“Өвөө минь өнгөрөхийнхөө урд өдөр надад биеийн тамирын хувцас 120 төгрөгөөр авч өгч билээ. Аймгийн тусгай дэлгүүрээр өвөө үйлчлүүлэх эрхтэй. Би тэгэхэд долдугаар ангийн хүүхэд байв. Бараг л анх удаа шинэ хувцас өмсөж байгаа минь тэр байх. Дээрээ хоёр эгчтэй байсан болохоор эгч нарын хувцсыг улирааж өмсөнө. Их л баярласан юмдаг. Гэвч маргааш өдөр нь өвөө минь биднээс үүрд явчихсан” гээд хоолой нь зангираад, нүдэнд нь нулимс тунараад ирэв.

Тэрээр Архангай аймгийн арван жилийн сургууль дүүргээд Эрхүү хотын Хөдөө аж ахуйн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Ажлын гараагаа Мал аж ахуйн хүрээлэнгээс эхэлсэн байна. Аавынхаа мэргэжлийг өвлөснөөрөө бахархдаг гэж хэлсэн. Гэлэгжамц гуайн ач нараас арав гаруй эдийн засагчид төрсөн гэнэ. Ихэнх нь гадаадад сургууль соёл дүүргэж байгаа аж. “Манай аав бол оюуны мундаг хүн” гэж охин нь хэлээд аавыгаа хайр хүндэтгэлийн зөөлөн харцаар ширтэж суусан юм.

“Өсөхөө сая охинтой минь уулзаад ирсэн гэнэ. Дажгүй л байгаа бололтой” гэж хоёр хөгшин хоорондоо ярилцаж суулаа. Өсөхөө аваргын том, хоёр хөгшний хайртай ач нарынх нь нэг Америкт сурч байгаа ажээ. Аав нь “Алдар” спор хорооны тамирчдаа ахалж Цэргийн дэлхийн аваргад оролцох үеэрээ охинтойгоо уулзжээ. “Манай Батбаярын хүүхэд Японд байгаа, тэдний хүүхэд тэнд байгаа” гээд л ярьж байсан. Гадагшаа явсан ач, зээ нараа ихэд санадаг бололтой. Архангай бол бөхийн өлгий нутаг. Ялангуяа Батцэнгэл бол бөхөөрөө алдартай. Харин Монгол Улсын дархан аваргагүй байсан юм билээ. Өсөхөөгөө дархан аварга болоход ихэд бэлгэшээж баярласан нь мэдээж, наадам сайхан болсон уу гэж Гэлэгжамц гуайгаас асуухад, ээж нь цаанаас “Хүүгийн минь дархан аварга цолыг хүндэтгэж нутаг орон маань сайхан баяр зохион байгуулсан. 512 хүчтэн зодоглож хүн бүхэн уухай хашгирч байхад аав минь тэнгэрээс харж байгаа болов уу гэж бодоод нүдэндээ нулимстай суулаа” гэв. Харин гэрийн эзэн “Манай энэ хүүгээ түрүүлэх бүрт нь баярлаад л, хүмүүсийн дунд уйлаад л, хашгичаад л сүйд болдог. Би яахав, мэлин хойлог талдаа ч хүн юм уу. Нэг их баярлаж хөөрөөд сүйд болдоггүй юм. Түрүүлэх учиртай хүн нь түрүүлж байна даа гэж боддог. Яахав, ер нь хүүгээ нэг үнсье гэж бодоод тугны өмнө гүйж очиж үнсдэг” хэмээн хээв нэг өгүүлсэн нь яалт ч үгүй дархан аваргыг төрүүлсэн аав мөн дөө гэж бодогдов. Гэлэгжамц гуайтай зэрэгцэж суугаад хоёул зургийн цомог эргүүлж, Буур аваргын Баянаа аваргатай, Түвдэн аваргатай авахуулсан зургийн үүх түүхийг хуучлангаа өнөө жилийн наадмын тухай сонирхлоо. Гурвын даваанд Өсөхөө аваргыг Сүхбат аварга амласныг шуудхан асуугаад авав.

“Наадмын эхний өдөр хүүтэйгээ хамт цэнгэлдэх рүү очсон. Ер нь Өсөхөө аавтайгаа хамт очих гээд байдаг юм. Замд хүү минь хэлж байсан. “Бөхийн комиссоос намайг зүүний магнайд гарна шүү гэсэн. Гэхдээ Сүхбат зүүний магнайд гарна гэхийг үгүйсгэх аргагүй. Тэгвэл яршиг, би барууны магнайд л гарчихна” гэж байв. Тэгтэл яг л хүүгийн хэлсэн ёсоор наадмын бөхийн комисс эрэмбийнхээ дагуу гээд Өсөхөөг зүүний магнайд гар гэлээ. Сүхбат би гарна гэсэн байна. Ингэхээр нь Өсөхөө барууны магнайд очоод зогсчихсон. Хэрүүл уруул хийгээгүй шүү дээ. Харин хоёр дахь өдөр би аажуу, уужуу очъё гээд хүүдээ хэлчихээд байж байтал Сүхбат Өсөхөөг амлалаа гэж дуулддаг юм. Тэгэхээр нь яарч сандраад яваад очлоо. Хүний л эцэг болсон хойно тэр агшинд чинь янз бүрийн зүйл бодогддог юм билээ. Сүхбат ер нь хүүг минь яах гээд байнаа гэж хүртэл бодогдсон. Гурвын даваа эхлэхийн өмнө Өсөхөөд ойртож очоод “Болгоомжтой л байгаарай даа хүү минь. Хөл гар руу чинь өшиглөж, цохих вий” гэж хэллээ. Тоосон шинжгүй зогсож байна. Хүмүүс янз бүрээр л шуугиад байв. Тэр бүгдийг Өсөхөө тоогоогүй.

Сүхбат яагаад Өсөхбаярыг амлав гэдгийг надаас олон хүн асуудаг. Би бол нэг их тоймтой хариу өгдөггүй юм. Яахав, миний бодлоор Сүхбатын сэтгэл санаа тухайн үед жаахан үймэрчихсэн байжээ. Тэр хүнд зөвлөдөг хүмүүс гэж байдаг байх. Тухайн хүмүүс нь буруу зөвлөгөө өгөөд хий хөөргөөд, дэвэргээд байна уу гэж санагдах юм. Дээр нь нэг зүйлийг нэмээд хэлэхэд, найман жилийн өмнө зодог тайллаа гээд олон түмний өмнө бөхийн дэвжээгээ үнсээд, есөн хөлт тугнаасаа адислаад дахиж барилдахгүй гэж ам өчгөө өгсөн хүнийг яагаад барилдуулав гэдэг бас сонин. Бүртгэж авахгүй байдаг ч юм уу, ямар нэгэн зүйл хийх л байсан байх. Гэхдээ хүний эрх юм байгаа биз дээ. Уул нь Сүхбат чинь миний хүүтэй ижил сайхан бөх. Миний хайрладаг л бөхчүүдийн нэг. Хаана л таарна надад ирж үнсүүлээд явж байдаг хүүхэд байгаа юм. Тэр жил Өсөхөөгийнхөө аварга цолны найранд гэргий Баясгалангаа дагуулчихсан хамгийн түрүүнд ирээд сууж байсан. Өнөө жил сэтгэл санаа үймэрчихсэн сонин байв уу даа. Дархан аварга цолоо авахаар Төрийн ордонд ирэхдээ гурвын даваанд ам авч байгаа юм шиг монгол гутлаа өмсчихсөн, зодгоо бүсэлчихсэн ирсэн шүү дээ. Төрийн ордонд тэгж ирэхэд нь л надад сонин сэтгэгдэл төрж байлаа” гэв.

“Сүхбатыг өшиглөөд авах вий гэж боджээ. Өмнө нь Өсөхөө аварга Сүхбатыг нэг тийрчихсэнийг манайхан мартаагүй дээ” гэж лавлах маягтай асуухад тэрээр “2001 оны тэр зүйл дээр Баянаа аварга ч тэр, Сүхбат ч тэр ерөөсөө юм бодоогүй. Бөхийн тэмцэл гээд өнгөрсөн. Тухайн жилийн наадмын яг маргааш нь уяачдын баяр дээр Баянаа аварга бид хэд таарахад огтоос юм бодоогүй шүү гэж хэлж байсан. Уяачдын наадмыг манай хөгшин Баянаа аваргын гэргий хоёр нэг дор суугаад үзэж л байлаа. Батбаяртай Баянаа аварга таарчихаад “Миний хүү эмзэглээгүй биз дээ. Бид бол тэр талаар юу ч бодоогүй шүү” гэж хэлж байсан гэдэг” хэмээн хариулсан юм.

“Аавын минь эдэлж хэрэглэж байсан зүйлээс хэт хутга тэргүүтэй хэдэн зүйл бий. Бөхийн өмсгөл дээл хувцсыг нь Архангайн музейд өгсөн” хэмээн Насантогтох гуай өгүүлээд “Би чинь хүний ганц охин шүү дээ. Аавынхаа дөчин насан дээр төрсөн. Намайг төрөх үед аав наадамд барилдах гээд явчихсан эзгүй байсан гэдэг. Айлын ганц хүүхэд болоод ч тэр үү, эрх танхил гэж жигтэйхэн. Аавыг хаашаа л явна дагана. Ямар сайндаа ноос тушаах гэж морин тэргэнд аччихсан байхад нь тэргэн дээр гарч морийг нь үргээгээд сүйд болохоо алдсан. Тэрэгтэй морь хонины хашаа зад дайрч өнгөрөөд хүмүүс шуугилдаад би ч орилоод явчихсан нь мэдээж. Аав миний охин сайн зуурч бай гэж хэлээд тосон угтаж тэрэгний аралд хүрэх шиг л болтол морь зогсчихсон. Дараа нь бодоход их бяр тэнхээ гаргасан байгаа юм. Нэг өвөл тэргэнд сургаж байсан хайнаг гунаа хөллөөд Хойд Тэрхийн голоос мөс ачихаар явж би дагадгаараа дагалаа. Мөсөө ачаад эргэтэл гуна явдаггүй. Гэтэл аав гунаа тэрэгнээс буулгаж хойноос нь чөрхлөөд намайг сайн туугаарай гэж хэлээд өөрөө тэргэндээ ороод зүтгэчихсэн” хэмээв.

Домог болсон аваргын өвөр дээр эрхэлж, өнөө цагийн бөхийн манлай хүчтэнийг өвөр дээрээ эрхлүүлж өсгөсөн тэрээр хүүгийнхээ бага насны дурсамжаас хуваалцлаа. “Өсөхөө зүүдлэхээрээ босоод явчихдаг хүүхэд байв. Манай хүүхдүүд унтахдаа өмд цамцаа орныхоо дэргэд нямбайлан эвхээд тавьчихдаг байлаа. Нэг орой Өсөхөө унтаж байснаа өмд цамц хоёроо аваад босоод ирлээ. Бид нар одоо яах нь уу гээд чимээгүй хараад байлаа. Тэгтэл авдар онгойлгож өмд цамц хоёроо хийчихээд буцаад орондоо ороод унтаад өгдөг байгаа. Өглөө босоод энд байсан өмд цамц хаачив гээд асууж байж билээ. Өөр нэг хөгжөөнтэй дурсамжаас нь хэлье л дээ. Манайх “Эх орон-52 гэдэг радиотой байлаа. Батбаяр л болдоггүйгээрээ “Ээж ээ энэ дотор юу байгаа юм бэ” гэж шалгаагаад байхаар нь “Эрэгтэй эмэгтэй хоёр хүн байдаг юм. Тэгээд ээлжилж яриад суудаг” гэчихгүй юу. Нэг өдөр ажлаа тараад иртэл өнөө хоёр алга. “Та хоёр хаана байнаа” гэтэл Өсөхөө гаднаас орж ирээд чимээгүйхэн орон дээр суучихлаа. Буруу зүйл хийчихсэн үедээ андашгүй л дээ. Нэг л гэмшингүй зөөлөн зөөлөн над руу хараад л. Тэгсэн араас нь Батбаяр “Араажив дотор хүн байдаг гэсэн чинь юу вэ. Утаснаас өөр юу ч алга” гэчихсэн орж ирж байгаа юм. Тэгж л манай хоёр радиогоо амбаарт авч ороод амыг нь барьчихсан. “Яаж байгаа юм” гэсэн чинь Өсөхөө “Баагий л дотор нь хүн байдаг гээд байхаар нь үзсэн юм гэсэн сэн.

Манай Өсөхөө чинь багаасаа үнээ ивэлгэдэг гэрийн ажилд сүрхий хүүхэд байсан. Улсын наадамд хоёр дахиа түрүүлчихээд улсын аварга цолтой бөх болчихоод байхдаа хөдөө гэртээ амарч очоод өглөө үнээ ивэлгээд зогсож байна. Хаяа айлын бүсгүй “Өсөхбаярыг чинь улсын аварга цолтой том бөх гэж сүрдээд байтал ээждээ үнээ ивэлгээд зогсож байхыг нь харах их гоё санагдсан. Иймдээ л олон хүний хайр хүндэтгэлийг хүлээдэг байх” гэж хэлж билээ. Хөгшин нь хүүгийнхээ тухай өгүүлэхтэй залгаад гэрийн эзэн Вандан аваргын тухай яриа дэлгэлээ.

“Вандан аваргыг бол би нүдээр үзээгүй хүн. Гурван охин, нэг хүүтэй хүн юм билээ. Батцэнгэлд нүүж очоод байхдаа Ишванжил гэж Вандан аваргын хүүтэй танилцсан. Нэгдлийн адуучин, миний үеийн л насны хүн байсан. Ишванжилын бага хүү Мөнхжаргал гэж залуу одоо Батцэнгэлдээ байгаа. Хоёр жилийн өмнө байна уу даа, аймгийн начин цол хүртлээ дуулдсан. Ишванжилаас би аавынх нь тухай сонирхох гээд гэрт нь зорьж очиж хонож байлаа. Их багад нь нас барсан юм билээ л дээ. Вандан гуай ер нь дөчин хэдтэй л өнгөрсөн байх. Өндрийг нь сайн мэдэхгүй юм. Харин өргөнийг нь бол мэддэг хүмүүс нь барин тавин хэлдэг. Гэрийн хойморт авдар налаад суухад авдрынх нь булан цухуйдаггүй байсан гэдэг. Тэгэхээр цээж гэдэг бол ёстой нөгөө авдар шиг гэдэг чинь Вандан гуай л байж. За тэгээд булчин шөрмөс нь овойж товойсон, хүзүү гэдэг нь лухайсан лут эр байж дээ. Тэр их өргөн цээжтэй ханагар том хүн чинь мэдээж өндөр байсан байж таарна. Хориод оны сүүлээр Маршалтай авахуулсан нэг зураг бий. Түүнээс харахад их л том хүн байсан юм билээ. Эрүү түүшин сайтай, хацар дух их томтой хүн байжээ. Өндөр Алтанхуягийн хүү Ичиножо Ичинноровыг Вандан аваргын зургаа дахь үеийн бөх гэж танай сонин бичсэн байна лээ. Биеийн жингийн хувьд лагс хүүхэд юм байна. Гэхдээ Вандан аваргыг энэ хүүтэй харьцуулшгүй байлгүй дээ. Орсон буур ороод ирэхэд ганцхан мөрлөөд л зогсоодог байсан гэсэн баримт бий. Домогт Намхай аваргын ард л бичигдсэн хүн. Хүнийхээ хувьд ихэд цагаан цайлган, нөхөрсөг хүнлэг нэгэн байсныг хадам аав минь үргэлж дурсдаг сан” гэв.

Ийнхүү хоёр хөгшинтэй домог болсон хүчтэнүүдийн тухай өдрийн турш хуучиллаа. Оройхон хэрд Өсөхөө аварга аавтайгаа утсаар яриад эгчийнхээ ажил дээр байгааг дуулгасан. Нараа захирлын өрөөнд байж байна. “Аав ээж хоёр өнөөдөр Гантулгын эзэмшилд байгаа юм биз дээ” гэж цаашлуулаад л. Энэ сарын сүүлээр дархан аварга цолныхоо найрыг хийхээр төлөвлөж буй ажээ. “Улаанбаатар” ресторан руу гэргий нь яриад цаг нараа тохироод байгаа бололтой. “Урилгынхаа үгийг яаж бичих вэ, их утга төгөлдөр сайхан үг бичмээр байна” гээд Архангайн наадмын урилгаа үзэж суусан. Ааваасаа нарийн ширийн юмыг асууж байсан. Өсөхөө аваргатай Америк явсан тухайг нь сонирхож энэ тэрхэнийг ярилцсан юм.

Н.ГАНТУЛГА

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ядуусын занаан дахь баячууд

Нэг. КАПИТАЛ БА ХУУЧИН ХҮҮ

Миний үеийнхэн хөрөнгө чинээг үзэн ядаж өссөн. Марти Ларнигийн романд “…Финийн бүх хүүхдийг завхуул болгож дуусгадаг улсын томоохон байгууллага болох ардын сургуулийг дүүргээд…” гэж гардаг даа. Яг тэрэн шиг бид хувийн өмчийг үзэн ядах сургуулийг ерөнхий боловсролтойгоо хамт эзэмшсэн юм. Систем нь тийм байлаа. Ард олноороо жигд ядуу амь зууна. Чинээлэг хүн байгаагүй учраас атаархал үгүй, атаархал үгүй болохоороо жигд сэтгэл хангалуун. Дарга нартаа жаахан атаархана. Гэвч нам засгийн үнэмлэхүй удирдагч нар хэн нэгэн том даргыг 2-5 жилийн зайтайгаар үзүүлэн маягтай сүр дуулиантай зайлуулна. Энэ нь нэг талаасаа үнэмлэхүй удирдагч, жолоодогчийн зүгээс “надад үнэнч биш байдал гаргавал ийм болно шүү” хэмээн өөрийн зүтгэлтнүүддээ өгч буй сануулга байсан. Хамгийн гол нь жигд ядуу, бас эрх мэдэлгүй ард олонд сэтгэлийн тайтгарал авчирна. Тэд “За даа, хэрээ мэдэхгүй их өндөрт гарах ч ийм аюултай даа”, “ер нь хэдэн малаа дагаад мөрөөрөө явах нь ч аминд өлзий юм шүү” гэж тунгаан, ядмаг зүдмэг байдалдаа улам л сэтгэл хангалуун болно.

ХХ зууны Монгол оронд тогтож байсан дэглэм язгууртан ихэсээ устгаж, хөрөнгө хурааж, сэхээтнээ тарчлаасан зэрэг нь язгуургүй, хөрөнгөгүй, боловсролгүй хэсэгт тийм төрсөндөө, тийм байгаадаа баярлах томоохон үндэс болсон. Лоохуузыг эсэргүү болгон ажлаас буулгаж, малчнаар цөлж, хөрөнгөжлөө хэмээн юмыг нь хурааж, хорьж тарчлаасан процессыг нөгөө талаас нь харахад эрх мэдэлгүй, эрх чөлөөгүй мянга мянган ардад тийм байгаадаа баярлах үндэс болсон билээ. Эрх мэдэлтэй дарга болсон бол Лоохууз шиг буруутна, хувиараа хөдөлмөрлөөд мөнгө олсон бол Лоохууз шиг хураалгана. Харин өөрөө эрх мэдэлгүй, хөрөнгөгүй тулдаа нэгдлийн мал “чөлөөтэй” дагаж яваа нь юутай завшаан.

Өөрөөс нь эрх мэдэл, эд баялгаар илүү гарсан, атаа жөтөөг нь төрүүлсэн тэр хэсэгт тохиолдож буй гай зовлонгоор ядуус, зүдүүс тайтгарна. Ядуу орны дарангуйлан захирагчид олон түмнийхээ энэ цангааг тайлах үүргийг өөрийн гарын дор ажилладаг урлаг, соёлын зүтгэлтнүүдэд өгдөг. Чухам ийм төр, нийгмийн захиалгаар бидний сайн мэдэх “Баян хүнийг балаг тойрохгүй”, “Зарц бүсгүйн Изаура”, “Халтар царайт” зэрэг олон ангит кинонууд бүтэж, баян байх нь муу муухай төдийгүй, ядуу хүнээс долоон дор зовлонтой амьдрал туулдаг тухай ухуулна. Үр дүнд нь ядуу зүдүү олонх “ядуу учраас бага зовж буй” хувь заяандаа талархан номхон амгалан суух учиртай.

Аль ч ард түмэн адилхан. Монгол ардын ийм нэгэн дуу байх юм билээ. “Хаад ноёдын хэрэг нь буруудвал Харц биднээс юуны ялгаа хө… Эзэд ноёдын хэрэг нь буруудвал Энгийн биднээс юуны ялгаа хө” гэсэн үгтэй. Эндээс “ноёд хаадын минь хэрэг буруутах вий” гэсэн иргэний зовнилоос илүүтэйгээр мануусаасаа “юуны ялгаа” болгох дээр гол өргөлт нь сонсдоод байгаа биз.

Хоёр. КАПИТАЛ БА ШИНЭ ХҮҮ

Эд баялгийг үнэлэх иймэрхүү моральтай, эн тэнцүү ядуухан монголчууд 1990 оны хувьсгалаас хойш баян хоосны ялгаатай болоод эхэлжээ. Өчигдөрхөн дугуй хайрцагтай улаан тамхийг хуваан татаж явсан ижил ядуу анд нь өнөөдөр орд харштай баян болоод ирэхийг харах нь хуучин хэвдээ үлдсэн нэгэнд хэр зэрэг хэцүү байхыг хэлэх юун. Баяжсан нь ч баахан комплекстэй. Найзынхаа өмнө буруутай ч юм шиг.Сургуульд тохой нийлүүлэн суугаад заалгаж байсан шигээ “дарлан мөлжигч феодал этгээд” болчихсон ч юм шиг.Урьж залаад дайлж, цайлна гэхээр баярхсан ч болчих гээд байгаа юм шиг.

Уг нь Бурханы номоор бол баян байхыг муу муухай гэдэггүй юм билээ. Ер нь бол урьд өмнөх төрлүүддээ өгөөмөр байсан, ядууст өглөг өгсний буянаар энэ насанд хөрөнгө чинээтэй төрдөг гэх юм. Эд хөрөнгө нь эрх чөлөө ба эдлэх боломжийн ундрага учраас чи түүгээр түг түмэн сайн үйлийг бүтээн буян хурааж, Буддагийн ерөөсөнчлөн “жаргалан хийгээд жаргалангийн шалтгаанаас үл хагацан” дээшилж дэгжих боломжтой.

Бас эсрэгээр нь эд баялагтаа ташууран, эрх мэдэлдээ сагаж өөрөөсөө бусдыг зовоон ах дүүс аймаг олон, үндэстэн улстаа гай чирвэл Буддагийн сэрэмж­лүүлсэнчлэн “зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас ангижрахаа” болиод уруудан баларна. Чамд байгаа бүхнээрээ, мөнгө байгаа бол мөнгөөрөө, эрх мэдэл байгаа бол эрх мэдлээрээ сайн сайхан үйл бүтээж үр шимийг нь амсан жарга, бас аль нь ч байхгүй байсан сэтгэл зүрхээрээ гэгээрэн жарга. Будда ингэж сургасан гэдэг.

Гурав. МОНГОЛЫН ДАЙСАН

Манай үеийн ихэнх иргэний биежин бойжсон нийгэмд хувь хүний эрх чөлөөг хассан учраас хувь хүний боломжийг үгүйсгэсэн, энэ утгаараа бас хувь хүний “сул дорой” чанарыг үгүйсгэсэн ёс суртахуун байсан. Тийм ч учраас хувь хүнд тохиолдсон болоод нийтэд учирсан гай гамшиг, зовлонгийн эх үүсвэрийг огт өөр, хүний гар хүрэхгүй газраас олж өгч тайвшруулдаг байсан.”Империалистуудын балгаар гурил ховордож, Хятадын тагнуул хор оруулж тарааснаас томуу дэгдэн нялхас эндэж байгаа” мэтээр ухуулна.

Эндээс болоод ХХ зуунд төлөвшсөн монгол хүнд өөрт тохиолдож буй бүхий л хүндрэл бэрхшээлийн ул үндсийг бусдаас хайдаг уламжлал тогтсон юм. Чухам ийм уламжлал дээр торнисон одоогийн Монголын ядуу, зүдүү иргэд өөрийн бэрхшээл зовлонгийн обьектив болоод субьектив шалтгааныг өөрөөсөө бусад бүх хүн, юмс, үзэгдлээс хайж байгаа нь эргэлзээгүй. Ийм шалтгаануудын толгойд “үндэсний баячууд” явж байгаа. Нэг хэсэг нь баяжсан учраас л бид ядуу байгаа юм, тэд ядуураад ирвэл бидний амьдрал дээшлээд ирнэ гэж тэд итгэж яваа.

Монголд баян хоосны ялгаа ихэсч байна. Энэ хэрээр улс оронд баян чинээлэг байх нь бусдын гомдол хорсол өшрөлийг дагуулна. Энэ хэрээр тэд өөрсдийг нь тайтгаруулах шалтаг баячуудын дунд өдөр бүр гарч “баян хүнийг балаг тойрохгүй” байгаасай гэж мөрөөснө.

Хөрөнгө чинээтэй хүмүүсийн хэн нэг нь ял янхад унахад, гэргий хүүхэд нь осолдоход, зуурдаар одоход тэд хишиг өдөр тохиосон мэт баясна. Мянга мянган хүний сэтгэлд бясалгагдсан хар хор, хорсол гомдол улсынхаа өнгө, сор болсон цөөнхийн гэр бүлд сүүдрээ унагасаар байх болно. Эцсийн дүндээ энэ оронд жаргалтай айл олохуйяа бэрх болно. Монгол үндэстнийг сөнөөн мөхөөх, соёмбот тугийг нь бөхийлгөх гай зовлон, үймээн самуун чухам энд л бий. Гаднаас хэн нэгэн ирээд мөхөөтөл өдий.Хятадууд ч юм уу, оросууд эзлээд автал өдий, бид хүний төрхтэйгээ байвал.Харин дотроосоо ингэж л үзэн ядалцан, самуурвал өнгөрөө гэсэн үг.

Харин улс үндэстнээрээ хөл дээрээ босч, хүн зоны дийлэнх нь хоногийн хоолноос хоёр хоолонд хүрч, амь зуулга нь дэвжээд аж төрөл болоход, амьжиргаа нь чанаржсаар ажил хэрэгч байдлаар солигдохын цагт үзэл санаа хувирна. Тэр цагт хөрөнгө баялгийг марксын сургаальд гардаг шиг ард олныг тонож цуглуулдаггүй, харин хоног хоногоор өсгөн, ур ухаанаа уралдуулан бүтээн босгодгийг харж мэдрэн, хөрөнгө чинээтэй нэгнээ үзэн ядах биш хүндлэх сэтгэл төрнө. Өөрөөр хэлбэл өнөөдөр хүн амын олонхийн орлого хөрөнгө өсөх хэмжээнд хүрээгүй байна. Тийм болохоор хөрөнгийг өсгөж биш хулгайлах дээрэмдэх замаар л томруулдаг гэсэн ойлголттой байгаа. Харин олон түмний хөрөнгө бага багаар ч болов өсөх хэмжээнд хүрээд ирэхийн цагт тэд хулгай хийлгүй гэмгүй цагаанаар баяжиж болдгийг мэдэх болно.

Энэний төлөө л бүгдээрээ л явахгүй бол элэнцгийн чинь улс төр, үхсэний чинь манай танай нам мам, юу яасны тэрний миний эвсэл фракц, хаа байсан иргэний мэргэний хөдөлгөөн… ёстой ардын үгээр “нохой долоох” болно. Өнөөдрийн Монголын эрх мэдэлтэн эд баялагтан бүр улс үндэстнээ хөл дээрээ босгохыг бодохгүй бол өөрөө ч жаргах боломжгүй болчоод байгаа юм.

2009 оны 11 сарын 17

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бат-Үүлийн Чулуудай: Би Монголын сонгодог зохиолч Сэнгийн Эрдэнийн өвөр дээр эрхэлж өссөн хүү

“Удам судар” булангийн энэ удаагийн зочноор Бат-Үүлийн Чулуудай уригдлаа.

-Өөрийг тань Монголын утга зохиолын ноён оргилуудын нэг Сэнгийн Эрдэнийн ач хүү гэдгийг хүмүүс мэднэ байх. Өнөө жил Эрдэнэ баавайн 85 насны ой тохиож байна. Эрдэнэ гуайг ард түмэн зохиол бүтээлээр нь мэднэ. Харин өвөө, ач хүү хоёрын хооронд ямархан харилцаа байв гэдэг нь хүмүүст сонин байх болов уу?

-Өвөө намайг дэндүү их эрхлүүлдэг байсан. Авна гэсэн болгоныг минь авч өгдөг, бусад ач нараасаа надад л аминчилж үгээ хэлдэг байлаа. Юм л болбол гэртээ дуудна. Гарынхаа буузыг хийж дайлна. Гурилыг нь нимгэхэн элдчихсэн, жижиг хэмжээтэй өвөөгийн гарын буузны амттайг яана. “Өвөө нь буузаа хийчихлээ. Миний хүү хүрээд ир” гэнэ. Хичээлдээ явахаасаа өмнө өвөөгийнхөөр дайрч цай унд уугаад явдаг байжээ. Тэгэхээр би гэдэг хүн Монголын сонгодог зохиолч Сэнгийн Эрдэнийн өвөр дээр эрхэлж өссөн азтай хүү юм. Та хэллээ, Эрдэнэ гуайг зохиол бүтээлээр нь ард түмэн мэднэ гэж. Үнэхээр өвөөгийн минь үргэлжилсэн үгийн тансаг бүтээлүүдийг уншаагүй хүмүүс ховор байх шүү. Дунд сургуулийн сурагч наснаасаа л “Өвгөн шувуу”, “Наран тогоруу”, “Оготнын нүхэн дэх сувд”, “Малын хөлийн тоос”, “Хулан бид хоёр” гээд зохиолч судлаачдын сонгомол хэмээн үздэг бүтээлүүдийг уншсан. Хүмүүсийн сэтгэлд ойр байдаг өгүүллэгүүдээс гадна кино зохиолууд гэж гайхмаар юм байна. “Алтан өргөө”, “Эх бүрдийн домог” гээд л. Сүүлд “Сэрүүн дуганын мөхөл” киногоо бичсэн.

-“Би бол Монголын сонгодог зохиолч Сэнгийн Эрдэнийн өвөр дээр эрхэлж өссөн хүү юм” гэлээ. Өвөр дээр нь эрхэлж өссөн хүүд өөр сонин сайхан дурсамжууд зөндөө бий дээ?

-Өвөө минь намайг сургуулийн босго анх алхуулсан. Наян долоон онд нэгдүгээр сургуульд хөтөлж аваачаад л, захиралд нь тушааж байсан. “Энэ миний ач хүү байгаа юм. Танай сургуульд сургая” гэж захиж билээ. Өвөөтэйгээ хөдөө их явдаг байжээ. Одоо бодох нь ээ, говийн бүх аймгуудаар явж газар усны сайхныг үзсэн байна. Эрдэнэ өвөөгийн зохиолууд, тэмдэглэл нийтлэлүүд нь яагаад тийм уран тансаг, үг хэллэгийн хувьд гайхамшигтай, өнгө зураглал нь зүгээр л байгалийн зураг тэр чигээрээ харагддаг нь амьдралынхаа турш аяны замд явсантай нь холбоотой болов уу. Уул усны сайхныг жинхэнэ утгаар нь мэдэрч, байгаль дэлхийтэйгээ сэтгэл зүрхээрээ холбогдон сэрэл мэдрэмжээрээ бүтээлээ туурвидаг байсан болов уу. Их л багад юм даг, бас л өвөөгөөсөө зүүгдээд баруун Алтайг зорьсноо мартдаггүй. Ээж хайрханд, элсэн дундуур давхиж хатаж үхэхээ алдан очиж байсан сан. “Өвөө минь ам цангаад байна” гэнэ. Тэгэхэд “Миний хүү үүнийг идчих” гээд чихэр өгнө. Өнөө чихэр чинь амны цангаа арилгах биш бүр ам завааруулаад улам дордуулах нь мэдээж шүү дээ. Энэ мэт өвөөтэйгээ явсан аян замуудыг хэлж яаж барахав.

“Сувдан сондор” гээд түүх, өв соёлын дурсгалт газруудаар олонтаа явсан аялал бий. Эл бүгдээс харахад өвөө маань зөвхөн зохиолч, үгийн мастер төдийгүй Монголын томоохон зүтгэлтэн байсан. Занабазарын тухай роман бичиж, өв соёлыг нь хадгалахын төлөө олон зүйл хийснийг хүмүүс мэднэ. Мөн Мэгжиджанрайсиг шүтээнийг босгоход Соёлын сангийн тэргүүлэгчийн хувьд маш их үүрэг гүйцэтгэсэн дээ. Сүүлд тэмдэглэл нийтлэлүүдийг уншиж байхад олон зүйл бодогдож байлаа. Хүний амьдралын ахархан хугацаанд ямар их зүйл амжуулж, үндэсний утга соёлын сан хөмрөгт үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийгээ вэ гэж эрхгүй бодогддог.

-Эрдэнэ баавай юуг аминчилж хэлдэг байсан бол?

-Намайг Лондонд оюутан байхад өвөө минь захидал явуулдаг байлаа. Би ч өвөөдөө хариу захидал их бичнэ. “Өвөөгийн хайрт хүү Чугу минь сайн уу” гэх халуун сэтгэлийн үгтэй захидлууд хадгалаастай бий. Саяхан бид өвөөгийн зохиолуудыг хорин боть болгож гаргалаа шүү дээ. Тэдгээр ботиудын нэг нь буюу “Миний эх орон-мини тоонот”-д нэг захидлыг нь оруулсан. Гадаад хэл, ялангуяа англи хэл сайн сурахыг аминчилж захидаг байлаа. Тэрхүү захидалдаа өөрөө хэл сурч, мянга хүртэлх тоо тоолчихоор болж буйгаа бичсэн байж билээ. “Чи бол Монголдоо нэр нүүртэй өвөө, аавын хүү шүү. Бага залуугаасаа амьдралын зорилготой явна шүү” гэдгийг мөн сануулдаг байсан. Энд сонин болгож хэлэхэд, өвөө минь надад гурван зүйл үлдээсэн. Нэг нь Батноров хийцийн хуучны эмээл. Миний бие тэрхүү эмээлийг ажлынхаа өрөөнд тохоостой байлгадаг. Харах бүртээ өвөөгөө санадаг. Хэт хутга, зэс аяга нь гэрт байдаг. Эр хүнд байх ёстой гэж эмээл, хутга, аяга үлдээсэн байлгүй.

Өвөө хаая хааяахан балгана. Тэр үед нь эмээ, аав хэн нь ч хэлээд нэг их үг авахгүй. Харин миний үгийг авна. Түүнийг нь эмээ мэдэх учир намайг гэртээ дуудаж өвөөд үг хэлүүлнэ дээ. “Та юундаа уугаад байдгийн, наад бие хаагаа бодооч” гэж загнана. Тийн хэлэхэд өвөө чимээгүй сууж байна. Миний өөдөөс нэг ч үг хэлж эсэргүүцэхгүй. Нэг удаа уучихсаных нь маргааш очоод өвөөд зэм хүртээлээ. Чимээгүй л хэвтээд байна. Тэгснээ “Миний хүү өвөөгийнхөө хөлийг бариадах даа” гэдэг юм. Би хөлийг нь барьж өгөнгөө бас л загналаа. Тэгтэл харин өөдөөс “өвөөдөө хоёр пиво авчирч өгөх боломж байна уу” гэдэг юм. Би эмээ рүү хартал, илт дургүй байна аа. Тэгэхээр нь “чадахгүй ээ” гэчихсэн. Дараа нь “хоёр пиво аваад өгчихдөг ч байж дээ” гэж бодоод өвөөгөө өрөвдөж билээ. Өөрөө зөөлөн сэтгэлтэй, уяхан хүн байсан. Гучин долоон оны буриадуудыг хоморголон хэлмэгдүүлж, ид дунд насны залуухан бүсгүйчүүд нялх хүүхдүүдээ тэврээд хоцорсныг өвөө минь нүдэндээ нулимстай дурсдаг байсан. Тиймдээ “хар нялхаасаа би бүсгүйчүүдийг өмөөрөх сэтгэлтэй болсон” гэж хэлдэг байж билээ.

-“Сэрүүн Галттай нутгаа сэтгэл сэнсэртэл санадаг Сэнгийн Эрдэнэ” гэж Шаравын Сүрэнжав гуай шүлэг шиг хэлдэг. Эрдэнэ баавай үнэхээр л ус нутгаа сэтгэлээ бэтгэртэл санаж, үүнийг настолгия буюу нутаг санахын өвчин хэмээн тодорхойлсон байдаг. Бүх л зохиолын Сэрүүн Галттай, Онон мөрөн харагддаг. Үүнийг өгүүлдгийн учир өвөөгийнхөө нутагт хамт очиж байв уу гэж асуух гээд л?

-Очиж байсан. Өвөөтэйгээ хамт Онон мөрнөөс нь аршаалан хүртэж, шөнийн тэнгэр дор оддыг нь харж явлаа. Ер нь өвөөтэйгээ өвсөн дээр зэрэгцэж хэвтээд шөнийн тэнгэр ширтэх, оддын туяаг харах сайхан. Тийн хэвтэхэд олон зүйлийн талаар хэлдэг сэн. Ус нутагтаа очоод мэлмэртлээ уйлна. Бага байхдаа түүнийг нь сайн ойлгодоггүй байж дээ. Юунд ингэж мэгшин уйлдаг юм бол гэж гайхдаг байж билээ. Сүүлд зохиол бүтээлийг уншиж байхдаа өвөөгөө ус нутгаа тэгтлээ их санадгийг ойлгосон. Цээжин цаана нь зангирсан зүйл яваад байдаг байж дээ. Бага балчиртаа ааваасаа хагацсан, аавыг нь нүдэн дээр нь баривчлаад аваад явсан, ээж дүү нартайгаа бүртийтэл үлдсэнийг нь “Хар хун шувуу” зохиолоос нь уншаад өөрийн эрхгүй уйлж байлаа. Мөн хэлмэгдүүлэлтийн тухай бичсэн “Хойд насандаа учирна” гэж роман байна. Уг зохиолыг миний бие бас л нүдэндээ нулимстай уншиж дуусгасан. “Хойд насандаа учирна” зохиолын талаар төрийн шагналт Д.Сосорбарам, соёлын гавьяат зохиолч Г.Аким, Г.Аюурзана гээд олон хүн бахархаж бичсэн байдаг. Тэр дундаас Баабар нийтлэлчийн бичсэнийг би уншаад өгье. “…Тэрээр илүүтэй хөдөлмөр цаг шаардсан зохиолын ийм төрлөөр урьд нь оролдож байгаагүй. Гэтэл энд түүний төрсөн эцэг болон нутаг нугынхныгаа хядуулсан гашуудал, бага насны гомдол, үнэнийг хайсан урт цөхрөл, олон жил хураасан нулимс, үй олон монголчуудын амьдрал амь насаар тоглосон бузар үзэл сурталд хүрсэн уур хилэн, үнсэн нурман дунд өөрийн хөшөөг босгож чадсан монгол омгорхол багтаж ядан чихэлдэх аж… ” гэж бичсэн байдаг юм. Маш их хөдөлмөрч хүн байсныг нь манай ээж хэлдэг. Ээж өвөөгийнд бэр болж ирээд удаагүй байж л дээ. Би гэдсэнд байсан үе юм уу даа. Өглөө таван цагийн алдад л өвөөгийн бичгийн машин тог тог хийгээд эхэлдэг байсан гэнэ. Тэгээд ээж, хадам аавыгаа босчихоод байхад цайг нь чанаж өгөлгүй хэвтээд байлтай нь биш гээд өвөөтэй хамт л босдог байсан байгаа юм.

-Ер нь өвөөгийнхөө зохиолоос сэтгэлд ойр байдаг нь ямар бүтээлүүд бол?

-За даа, бүх л зохиолоос нь бичгийн хүний өндөр соёл, монгол үгийн давтагдашгүй чанар, уран тансаг өнгө, зураглал, аялгуу эгшиг бүгд л мэдрэгддэг. Тиймдээ л Монголын үргэлжилсэн үгийн зохиолын сонгодог төлөөлөгч гэж хэлэгддэг байх. Миний хувьд бусдын ижил зохиолуудад нь дуртай. “Хайрын нарсан төгөл”, “Өвгөн шувуу”, “Хулан бид хоёр”, “Малын хөлийн тоос” гээд дахин дахин уншаад баймаар зохиолууд нь байна. Хүмүүсийн тухай бичсэн хөрөг нийтлэлүүд мөн л гайхмаар. Өвгөөдэй Дамдинсүрэн гуайн тухай бичсэн “Диваажинд суугаа Өвгөөдэйд” гэх хөргийг уншаад мөн л баахан уйлж билээ. Өвөөгийн “Хөх хулгана жил” анхны туужийг нь ариутган шүүж гаргасан хүн Дамдинсүрэн гуай юм билээ.

Манайхыг Хөвсгөлийн Ринченлхүмбэд байхад өвөө эргэж тойрдог байсан. Тэгэхэд би бага байсан.

-Хэдэн оны үед Дархадын хотгорт байлаа, танайх чинь?

-1982-1985 оны хооронд Ринченлхүмбэд байсан юм. Би гэдэг хүн дархад аялгатай болчихсон хооё гэж хэлээд амьтны инээдийг хүргэдэг байж билээ. Одоо бодох нь ээ өвөө, аав ээж биднийг эргэж очихоос гадна зохиол бүтээлийнхээ санааг л дотроо бодож явжээ. Тэнд байгаа хүмүүсийн ахуй амьдрал, аж төрөлтэй танилцаж явжээ. Өнөө л Монгол нутгийнхаа сайханд уярч явдгийнх нь нэгэн илрэл болов уу. Ринченлхүмбэд аав физик математикийн багш, ээж орос хэлний багшаар ажиллаж байсныг хүмүүс гадарладаг байх. Өвөө “Хүү минь сайн уу” гэж их асуудаг байсан гэдэг. Тэгээд л яваад очно. Ринченлхүмбийн онгоцны буудал дээр аав, ээж, өвөө бид дөрвийн зогсож байгаа нэг зураг байдаг даа. Би уйлчихсан, аавд тэврүүлээд зогсож байдаг, тэр чинь наян гурван он юм. Миний бие гурван нас л хүрч байсан үе. Хөл даараад уйлсан юм билээ. Тийн очихдоо өвөө цаатны тухай тэмдэглэл бичсэн байдаг. “Алдарт Шишгэдийн алаг хөндийд очлоо. Сартай шөнө Цагаан нуурын хөвөөнд очиход сая хадаалж байгаа мөс нь холуур нисч яваа тийрэлтэт онгоц шиг урхиран хүнгэнэнэ. Тэртээ өмнө этгээдэд Дэлгэр хан уулын гурвалжин цагаан оргил цайвалзан, баруунаа цаатны нутгийн их тайга хүглийн харагдана” гээд гайхмаар зурагласан нь бий.

-Эрдэнээ гуай зохиолчийн хувьд аваргаас гадна хүнийхээ хувьд сайхан нэгэн байжээ. Сүрэнжав, Бадарч, Цоодол, Нямаа, Лхагвасүрэн, Галсан, Аким, Догмид, Мэнд-Ооёо, Пүрэв гээд бүгд л өнөөдөр Эрдэнэ баавайгаа дурсч, хамтдаа өнгөрүүлсэн он жилүүдээ санагалзах нь бий. Чимид, Явуу, Гайтаваа ямар гайхалтай бичсэн байдаг билээ. Нөхөрлөлд үнэнч хүн байж дээ?

-Өвөөг хаана ч очсон бүгд хүндэтгэнэ. Тэр бүгдтэй дотно сайхан ярилцана. Явуухулан гуай, Гайтав гуай, Чимид гуай нэртэй зохиолчидтой шадар явсныг мэдэх хүмүүс нь сайн мэдэх учир би юу хэлэх билээ. Тэдний нөхөрлөл бол надаас өмнө юм даа. Харин өвөөгийнхөө өвөр дээр эрхэлж байх үед гэрээр нь орж гарч явсан хүмүүсийг мэднэ. Гавьяат барилгачин С.Цэвээн гуай, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Цэвэгжавын Пүрэвдорж гуай гээд найз нар нь ирнэ. Тэд бол ёстой нөгөө хар багынх нь нөхөд. Хэлмэгдүүлэлт, өнчрөл хагацал гэдгийг яс махаараа мэдэрсэн хүмүүс. Сүүлд өвөө минь тэр хоёр найзтайгаа Сэрүүн дуганыхаа нээлтэд очиж байлаа. Цэвээн гуай хааяа өвөөгийнд ирж, өвөөг уучихсан үед нь энерги эмчилгээ гээд гараараа алсаас илж, өвөө түүнд нь баахан баясдаг сан. Сэрүүн дуганых нь нээлт гэснээс аавын том эгч Байгаль, аавын хоёр дүү болох Батбаяр, Батхүү нарынхаа ах нартай, тэдний үр ач нартай үндсэндээ Сэнгийн Эрдэнэ гэж хүнээс салбарлсан хүүхдүүд нь жилийн жилд өвөөгийнхөө нэрэмжит Биндэрийн сургуулиар очиж, хөшөөнд нь сүслэн мөргөж, Сэрүүн Галттайд нь очиж, буурийг нь эргэдэг.

-Наян таван насных нь ойг тохиолдуулан “UBS” телевизтэй хамтарч “To be or Not to be” театрчилсан шоуг зохион байгуулахаар болсон. Үндсэндээ уг шоуны оролцогчид Сэнгийн Эрдэнийн зохиолуудаар өрсөлдөнө. Үүнд товч тайлбар өгөхгүй юу?

-Өвөөгийнхөө наян таван насных нь ойг үр бүтээлгүй өнгөрөөгөөд яахав гээд олон юм бодсон л доо. Тэгээд “UBS” телевизтэй ярилцаад “To be or Not to be” театрчилсан шоуг Сэнгийн Эрдэнийн зохиол бүтээлээр хүргэвэл ямар вэ гэсэн шийдэлд хүрсэн. Балхаа захирал маш таатай хүлээн авсан. “Эрдэнэ сан” гэж бий шүү дээ. Бид хүнд үлдэцтэй, олонд хүртээмжтэй зүйл хийе гэж бодсоны үндсэн дээр “UBS”-ийнхэнтэй хамтарсан. Уг шоунд сонирхсон хүмүүс бүгд оролцог, Монголын залуу үе Эрдэнэ гэж ямар зохиолч байсныг мэдрэг, ард түмэнд дахин шинээр танилцуулаг. Наадмыг өрсөлдөөнтэй, урлагийг үнэ цэнэтэй болгох үүднээс шагналын санг өндөр болгож байгаа. Үндсэндээ түрүүлсэн оролцогч хоёр өрөө байрны эзэн болно. Авьяасаараа өнөөдөр байр аваг л дээ. Улсын наадамд цол авсан залуудад нутгийн зөвлөл нь шууд л байр, машин өгч байна.

Тэгэхэд урлагийн хэмжүүр ямар түвшинд байгаа билээ. Үүнийг өөрчлөе гэсэн үүднээс зориг гаргаж байр өгч, шагналын санг өндөр болгож байгаа. Гэхдээ бас яриа хөөрөө гарсан байна лээ. Бат-Үүл хотын дарга учир аавынхаа нэрэмжит наадын ялагчид байр өгнө гээд л улстөржүүлсэн байна лээ. Эгэл жирийн аавын хүү авьяасаараа орон байртай болог л дээ. Нэг маань ч орох оронтой болно гэдэг сайхан биз дээ. Магадгүй энэхүү тэмцээнээс дэлхийн хэмжээний од төрөхийг үгүйсгэх аргагүй шүү дээ. Ингэж л бид зорьж байгаа. Цаашдаа Монголын соёл урлаг, утга зохиолд “Эрдэнэ сан” их олон ажил хийхээр бодож байна. Зөвхөн өвөөгийнхөө бүтээлийг мөнхлөөд зогсохгүй Нацагдорж, Явуухулан гээд Монголын сонгодог зохиолчдын бүтээлийг мөнхлөх, олонд сурталчилах ажилд хөрөнгө хүч зарна. Энэ бол Сэнгийн Эрдэнэ өвөөгийнхөө өмнө хүлээсэн бидний үүрэг юм. Тэгж л бодогдож байна даа.

Н.ГАНТУЛГА