Categories
редакцийн-нийтлэл

Судрыг нь буйтугай хуврагуудыг нь шатааж байхад дуугүй суух юм даа, манай лам нар

Исламын шашны хамгийн гэгээн судар,
ариун нандин зүйлийнх нь дээд туйл болох Кораныг Америкийн цэргүүд
шатаасан. Уг судар бол Лалын буюу Исламын шашинтай орнуудын шашин, хууль
цааз, нийгмийн харилцааны үндэс болдог. Ерөөс Лалын ертөнцийнхний оройн
чимэг, амь амьдралынх нь зүг чиг юм билээ. Зөнч Мухаммед нь агуйд сууж
Аллах тэнгэрээс өөрт нь дамжуулах айлдваруудыг шавь нар болон илтгэгч
дагуулууддаа хэлж өгч дал модны навчин дээр буулгасан гэх түүхтэй. Ийм л
итгэл бишрэл, хүндэтгэлийнх нь дээд туйл болсон судрыг Америкийн
цэргүүд хог дээр шатаасан байгаа юм. Хэрвээ тэрхүү судрыг ямар нэгэн
байдлаар шатаах болбол асар шударга хүнийг хилсээр хилмэгдүүлсэн мэт
эмгэнэн, тусгай ёслол үйлдэж шатаадаг байна. Үндсэндээ шашны хатуу дэг
жаягийн дор, бүр нэг нарийн ёс журамтайгаар шатаадаг юм гэсэн.
Тэгвэл Афганистаны Баграм дахь Америкийн
цэргийн баазад Коран болон бусад лалын шашны судрыг зүгээр л хог шиг
овоолж байгаад шатаасан байна. Энэ нь лалын шашинтнуудын хувьд огтоос
тэсч чадамгүй, байж боломгүй доромжлол мэт харагдаж байгаа нь тодорхой.
Хэн ч харсан тэгж л ойлгогдоно.

Иймээс Афган болон лалын ертөнц тэр
чигээрээ Америкийн цэргүүдийн эсрэг тэмцэх хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн.
Ариун нандин зүйл рүү нь, итгэл бишрэл, гүн хүндэтгэл рүү нь нулимж
илтээр доромжилсон учир тийнхүү тэмцэл хөдөлгөөн өрнүүлсэн хэрэг л дээ.
Ариун нандин зүйлийнх нь дээд илэрхийлэл болсон судрыг шатаасан тухай
мэдээлэл афганчуудын дунд маш хурдтайгаар тархаж, тэр дороо л бүгд гал
голомтоо самруулсан хүмүүс шиг дийлдэх аргагүйгээр босоод ирсэн.

Бараг хэдхээн цаг минутад хэдэн зуун
мянган хүн гудманд цуглаж, уур хилэндээ автсан иргэд Америкийн цэргийн
бааз руу дайрч, ариун дайн эхлүүлэхийг уриалж байлаа. Тэднийг нисдэг
тэрэгнээс анхааруулах пуужин харваж зогсоосон тухай мэдээлэл сонин
хэвлэлд гарч байсан. Уг тэмцэл, үймээнээс болж олон хүн амиа алдсан
билээ.

Тэгвэл Америкийн цэрэг яагаад Коран
судрыг шатаах болов. Тэдний тайлбараар бол арга ч үгүй үйл явдал
тохиолдсон талаар мэдээлэгдээд байгаа. Тэр нь юу вэ гэвэл шоронгийн
хоригдлуудад Коран судрыг тараадаг юм байна. Хоригдлууд судар дээр
тэмдэглэл хийдэг аж.

Тэрхүү тэмдэглэл нь хоригдлууд хоорондоо
нууцаар харилцах гүүр болоод байсан аж. Үүнээс болж Коран болоод бусад
судрыг шатаасан гээд байгаа. Тэгээд шинэ судар өгчээ. Америкчууд судрыг
зүгээр л ном сонин шиг овоолж байгаад шатааж. Энэхүү үйлдэл нь нийт лал
шашинтнуудыг шашин үндэстнээ хамгаалах тэмцэлд босгочихжээ. Гэхдээ миний
бие дээрх судартай холбоотой шашны тэмцлийн тухай бичихийг эрмэлзсэнгүй
ээ. Тэр тухай ийн тодорхой өгүүлсний учир өөрийнхөө лам нарыг
шүүмжилмээр санагдсан хэрэг.

Афганистантай харьцуулбал манай хаяанд
байгаа, шашин шүтлэгээ, итгэл үнэмшлээ бодох аваас өөриймс ч болох
Түвдтэй холбоотой асуудал байна. Өнөөдөр Түвдийн лам нар өдөрт нэгээр
дутахгүй шатаж, зулын гол болон хайлж байна. Сүүлд гэхэд залуухан
эмэгтэй, гэлэнмаа зулын гол болсныг бид мэдэж байгаа. Бүр тодруулбал,
Хятадын өмнөд хэсгийн Сычуань муж дахь Дэчи Чойнхорлин хийдийн гэлэнмаа
амьдаараа зулын гол болж, өөрийгөө шатаасан хэрэг гарсан. Лондонд төвтэй
Түвдийн хүний эрхийн төвийн мэдээлж буйгаар хорь орчим настай Дэнзэн
Вангмо хэмээх эмэгтэй Түвдийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч,
Дээрхийн гэгээнтэн Далай ламыг эх нутагт нь буцааж авчрахыг уриалан олны
нүдэн дээр өөрийгөө шатаасан юм гэсэн. Түүнээс өмнө хичнээн ч лам зулын
гол болж хайлав даа. Шарын шашны лам нарыг хувраг хувилгаадыг
монголчууд биднээс өөр хэн бугай ч энэ хорвоо ертөнц дээр өмөөрөхгүй.
Түвдийн шарын шашинтай лам нарыг хамгийн их өмөөрч хаацайлж, сэтгэл
өвдөх хүмүүс манай лам нар баймаар. Шарын шашин гэдэг бол Түвдийн Бурхны
шашны сэтгэгч, шинэчлэгч Зонхавын сургаалаар үүссэн Буддын шашны
хамгийн сүүлийн шинэ урсгал гэдэг. Шарын шашны төвд гаралтай нэр
“гэлүгва” гэдэг нь монгол хэлэнд хөрвүүлэхээр буяны ёс гэсэн утга үг
билээ. Зонхав Түвдийн өмнөд нутгийн нэгэн агуйд шар малгай есөн удтал
даяанчлан суусан тул түүний болгосон шашны урсгал шар малгайтан, улмаар
Монголд шарын шашин хэмээн нэрийдсэн байдаг. Ингэж Богд Зонхавын шарын
шашны урсгал Монгол нутагт түгэн дэлгэрч бид бүхэн сүсэг бишрэл, итгэл
үнэмшлээ өгсөн. Гэтэл шарын шашны лам хуврагууд нь зулын гол болж,
амьдаараа шатан хайлж байхад манай лам нар нүдээ анин маани мэгзэмээ
уншаад юу ч болоогүй мэт хээв нэгхэн сууж байх юм. Гай барцад биднээс л
холуур өнгөрөх болтугай хэмээн хувиа бодож суух манай лам нар
хөөрхийлөлтэй.

Манай лам нар хэзээнээсээ л ийм үхээнц
байсан даа. Гучин долоон оны их хэлмэгдүүлэлтэд сүм хийдүүд устан үгүй
болж, мэргэжил нэгт гэх үү дээ, лам хуврагууд нь буудуулж байхад өнөө
бурхны элч нар маань амь амиа бодоод алга болцгоосон байдаг. Номын
багшаа орхимжиндоо боогдож, нүдэн дээр нь буудуулж байхад өөрийгөө л,
өчүүхэн улаан амиа л хоохойлж байсан. Үүх түүхээс харахуйд, нэг ч лам
бусдынхаа өмнөөс босоогүй. Босох нь бүү хэл ганц ч үг ганхийгээгүй
гунигт түүхтэй. Монгол лам нар шашин номынхоо төлөө сэтгэл зовдоггүй,
чухам юунд тэгж сэтгэлээ чилээдэг хэрэг вэ. Тэд бол ерөөсөө бусдын өглөг
барьцыг л бодно. Сүсэгтэн олноос ахиухан зүйл авахыг л бодож суухаас
өөрийг хийдэг гэж үү. Одоо тэгээд цагаан сар хуучраагүй байна. Шинийн
арван тавны дотор засал номоо хийлгэхээр бүх л хүн гандан хийдийг зүглэж
байгаа. Лам нарт барих өргөл барьц ахиухан байгаа нь тодорхой.

Манай ламхай нарт өнөөдөр бусад улс
орон, харийн хүний байдал огтоос хамаагүй мэт санагдаж байгаа байх л
даа. Шашин нэгтэй Түвдэд хувраг лам нар зулын гол болоод шатаж байна.
Тэд юуны төлөө ингээд байгаа юм бэ? Тэд харийн түрэмгийллийн эсрэг
тэмцэж шүтэх шашин, сүслэх төртэй тусгаар улс чөлөөт Түвд орныхоо төлөө л
ингэж тэмцэж байгаа. Энэ нь бидэнд ямар хамаатай юм бэ. Тэр шатсан лам
нарыг манай лам нар яагаад өмөөрөх ёстой юм бэ гэсэн асуултууд гарна.
Түвдийн үзэж байгаа зовлон бидэнд тийм хол гэж үү. Дэлхий нийтээрээ энэ
талаар санаагаа зовоохгүй бол дараагийн орон нь хэн бэ.

Ялангуяа ядуу буурай, цөөн хүн амтай,
хоёр том гүрний дунд байдаг бид энэ тал дээр маш сонор соргог байх
хэрэгтэй байна. Хүмүүс шашнаа яаж өмөөрч байна. Шашнаа өмөөрөх нь
тусгаар тогтнолоо өмөөрч байгаа хэрэг юм. Тэгвэл манай шашинтнууд судрыг
нь байтугай хуврагуудыг нь шатаахад цачив хийхгүй суудаг нь буруу шүү
дээ. Хүний хамгийн нандин юм нь бурхан шашин байдаг. Түүнээ
доромжлуулсан хүмүүс уурсдаг. Харин манай ламхай нар огтоос тийм биш
бололтой.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Баастын Золбаяр зохиолчийн “Бүгээн” тэргүүтнийг уншихуй

“Буянт голын хөвөө, ба­руун Алтайн
уулс дундаас ийм нэг монгол зохиолч тод­рох учиртай байж. Монгол хэлнийхээ яруу
сайхан хий­гээд гүн утгыг мөн чиг мэдэрч бичих юм аа” гэж барагтайд дуу алддаггүй
Дамдинсүрэн­гийн Урианхай абугай Баас­тын Золбаяр зохиолчийн тухай нэгэнтээ хэлж
билээ. Их Урианхайтай уран зохиол хийгээд Монголын сэтгүүл­зүйн луугарууд, ерөөс
уншигч олон санал нийлдэг гэхэд хэтийдсэн болохгүй байх. Үндсэндээ бүгд хүлээн зөв­шөөрч
байгаа хэрэг. Хүлээн зөвшөөрөх хэмжээнд Б.Зол­баяр зохиолчийн авьяас бил­гээрээ,
эх  хэлнийхээ яруу төгс аялгуу, гүн утга бүхий
өгүү­лэмжээр зодож бичсэн бүтээл туурвилууд нь яалт ч үгүй хүргэдэг билээ.

Түүний анхны ном “Бүтэн” нэртэйгээр
хоёр мянга дөрвөн онд хэвлэгдсэн. Бичгийн их хүмүүн Лодонгийн Түдэв гуай их айхтар
үгтэй өмнөтгөл бичиж “Монголын утга зохио­лын хаалгаар жинтэйхэн бү­тээл өвөртөлсөн
авьяас би­лэгт хөвгүүн орж ирлээ” хэ­мээн зарлаж байсан. Үнэндээ “Бүтэн” номын өгүүллэгүүд
ур хийцийн хувьд ч, утга санаа­ны хувьд ч өөр байсан л даа. Чойжилжавын Билигсайхан
эрдэмтнээс аваад олон хүн талархан хүлээн авч, монгол хэлнийх нь дархан цэцийг Балжирын
Догмид тэргүүт эрхмүүд дуу алдан цоллосон юм даг. “Монголын утга зо­хиолд цөөхөн
хэдэн сонгомол өгүүллэг байна. Ер нь Эрдэнэ баавайн хэдэн өгүүллэг л байна даа”
гэж хэлээд олны гайхашралыг төрүүлж, зарим нэгийнх нь дургүйг хүргэж байсан Гун-Аажавын
Аюур­зана зохиолч “Монголын сон­го­мол өгүүллэг” номондоо сүүл үеийн зохиолчдоос
“Бүтэн” өгүүллэгийг оруулсан нь нэгийг хэлнэ. Б.Золбаяр зохиолчийн анхны ном хэр­хэн
чансаатай гарсныг илтгэх буй за.

“Бүтэн” гарсан даруйд “Бүлээн” гэх
нийтлэл сэт­гүүлзүйд мөн л шуугиан дэг­дээлээ. Дорнодын Эрээнцав орж Данзангийн
Нямсүрэн найрагчийн номын өргөөнд зочлоод ирсэн сэтгүүлч Б.Зол­баяр “Өдрийн сонин”-доо
“Бүлээн” нийтлэлээ цув­ралаар гаргалаа. Сонины редакциар л нэг яриа хөөрөө болж,
уг нийтлэлийг ёстой нөгөө бүлээн сүү уух мэт уншсан бүхэн баяр хөөрт автах нь тэр
ээ. Б.Золбаяр мандаж өгсөн нь тодорхой. Тухайн үед миний бие “Өдрийн сонин”-ы өндөр
бос­гоор алхах нь бүү хэл, утга зохиол, сэтгүүлзүйн ямар ч ойлголтгүй жулдрайхан
амь­тан оюутны ширээний ард хөнгөн хөвсгөрхөн явсан цаг сан.

Харин ямар азаар “Бүлээн”-ийг олж
уншсан юм байгаа. Тэрхүү нийтлэл хэв­лэгдсэний дараахан “Дарь­гангын шадар гурав”-ын
нэгэн Гомбожавын Мэнд-Ооёо най­рагч “Яруу найргийн сүншиг­тэй Эрээнцав” хэмээн бичиж
“Золбаярын нийтлэл онгодыг минь бөөгийн дуудлага шиг урин дуудлаа. Нямсүрэнтэй минь
дахин учрууллаа” гээд нүдэндээ нулимстай бийр юугаа шүүрсэн байдаг шүү.

“Бүлээн”-ий дараа юм, юм л болсныг
тэрхүү нийтлэлээр нэрлэсэн хоёр дахь номыг гардах үед дутуу хагас сонс­соон. Ямар
ч байсан монгол хэл, бичгийн нэртэй эрдэмт­дийн нэг Базарсадын Элбэг­заяа “Бүлээний
шүүмж” хэ­мээн тун чиг нарийн гаргал­гаатай бичсэнийг санах юм.

Эл бүгдийг өгүүлсний учир луу жилийн
шинэдээр Б.Зол­баяр зохиолч “Бүгээн”, “Хү­мүүн” хэмээх эссэ, өгүүллэг, хөрөг, нийтлэлийн
хоёр номоо уншигч олныхоо гарт хүргэж нэгэн сайхан баяр тохиовой. Сор болсон бүтээлүүд
ном болон ботилогдож уншигч­дад хүрэх шиг хүндтэй баяр үгүй дээ. “Ардын эрх”-ээс
угшилтай манай сонинд цаг цагийн бичгийн мэргэд, утга зохио­лын үе, үеийнхэн бүтээн
туурвиж, өсөн дэвжиж жигүүр юугаа ургуулсаар ирсэн дээ. Одоо мөн ялгаагүй.

“Бүгээн” номонд “Хавар ай”, “Намар
ай”, “Бундан зүрх­ний дүмбэн”, “Мэлмийн солонго” тэргүүт зохиолчийн сүүлд бичсэн
эссэ, мөн “Уйтан Дорнын талст”, “Давалгаа болорших дайд”, “Үлэмж Өрнийн титэм”,
“Америкийн дааган холбоо”, “Хөхрөгч цэн­хэр уулсынхаа бэлд”, “Жаха­ранда цэцгийн
гэгээ”, “Гэгээн хэсүүлчин”, “Наранзаяа”, “Шар­гын тууль”, “Өмнө цэцэр­лэгт” тэргүүт
аян замын тэм­дэглэл, нийтлэлүүд нь багт­жээ. “Хүмүүн” хэмээх гүн утга бүхий ботид
нэрт сэтгүүлч, нийтлэлч Шагдарсүрэнгийн Цэрэнпил агсны тухай, төрийн шагналт, ардын
уран зохиолч Дөнгөтийн Цоодол, Д.Нацагдоржийн шагналт найрагч Дан.Нямаа, Ц.Хулан,
нэрт орчуулагч Жамсрангийн Гэндэндарам, Жигжидсүрэн­гийн Нэргүй гээд олон сайхан
хүний тухай бичсэн хөрөг нь багтжээ. Өмнө нь сонины хуудаснаас хэдэнтээ уншиж байсан
ч ном болоод боти­лог­доод гараад ирэхээр бүр ч гоёхон болдог ажээ. Номынх нь хийц,
шийдэл нь их л сонгодог санагдлаа. Сонгомол бүтээлүүдийг сон­годог л хэвлэх учиртай.

Б.Золбаяр зохиолч эх хэл­нийхээ яруу
сайхан чанарыг бүтээл туурвилдаа хэрхэн шигтгэж, өнгө гэрэл, ая данг нь тааруулдгийг
уншигч олон надаар хэлүүлэлтгүй мэднэ дээ. Олон таван үггүй ганц нэг зохиолоос иш
татъя л даа. Түүний “Намар ай” эссэ тэр чигээрээ л яруу тансаг аялгуу. “…Ар хэцийн
цас мөстөж талс­таад сондоршино. Алтан шарыг тунаруулсаар уясуу өнгөөр уулс дүнсийнэ.
Айл гэрүүд толгод дэнжид танан­тана. Ах дүү, зочин гийчин хэдийнэ одож, аглагийн
чимээ алдрах аниргүй уйт­гарлаг ноёлно. Агь таанын анги сэнхэт салхин аяс аяс, хүүс
хүүсхэн…”. Уг эссэг уран зурагт буулгаваас мөн ч олон будаг шунх орох нь мэдээж.

Бүр нэг нарийн зураг харагдаад байгаа.
Эндээс л зохиолчийн хэлний яруу тан­саг аялгуу, ая дан мэдрэг­дэнэм буюу. Тэрээр
орчуулагч Ж.Нэргүйн тухай …Монгол хэлний хүүдий. Сайхан мон­гол үг, монгол чөмөгтэй
утгыг түүний бичлэгээс хардаг. Утга төгс илэрхийлэх чадвар нэн өндөр. Зүйрлэж хэлбэл,
товруу юуг нь гялалзуулаад, бөгж гархийг сондорлуулсан мөнгөн хазаар аятай урлана.
Амьд халуун, сэтгэлд дотно ойр бичнэ. Дүйцүүлж хэлбэл, унаганы уруул тэмтэрч, ишиг
майлахыг сонсох мэт болно. Бас хүүхэд бүүвэйлэх мэт энхрий аялгуутай…” гэж бич­сэн.
Энэхүү тодорхойлолт өөрт нь ч бүрэн дүүрэн хамаа­рах билээ.

Олны тэр бүр анзаараад баймгүй жижигхээн
зүйлийг ч мань хүн хэдийнэ анзаарч, олны сэтгэлд нийцтэл бичнэ. Илүү ч үгүй, дутуу
ч үгүй бичнэ. Тухайлбал, Равдангийн Даваа­далай начинг Путиныг “дарагч” гээд гэнэ
сэрэггүй хэлсэн дээ. Бэсрэгхээн хэрнээ хэний ч сонирхлыг татахуйц тэрхүү бичвэр
мөн л “Өдрийн сонин”-д нийтлэгдэж байсан.

Б.Золбаяр нийтлэлчийн аян замын тэмдэглэлүүд
нэр­нээсээ авахуулаад л анхаа­рал татдаг. “Уйтан Дорнын талст”, “Давалгаа болорших
дайд”, “Үлэмж Өрнийн титэм” гээд л. Дээрх үгс тухайн зохиолчийнх гэж бүр баттай
итгэхэд хүргэдэг. Ухаандаа, хэн нэгэн уйтан дорно гэж бичих юм уу эс бөгөөс зүгээр
дайд гэдэг үгийг сонгоход л Золбаяр зохиолчийн нийтлэл ч юм шиг харагдахаар байдаг.
Ингэж л тэр монгол үгнийхээ яруу тансаг ая данг өөрийн болгож чадсан юм аа. Манай­хан
тэр бүр очоод байдаггүй улс орнуудаар мань хүн явсан. Дараа нь аяны богцоо задалж
өнөө л цуврал сайхан тэмдэглэлүүдээ олонд хүргэ­сэн. Тухайлбал, Этиопийн тухай
“Жахаранда цэцгийн гэгээ”, Панамын тухай “Амери­­кийн дааган холбоо” гэж бичсэнийг
манайхан мэднэ. Энэ мэт түүний шинэ­хэн хоёр ботийн талаар бич­нэ гэвэл барахгүй
ээ. “Бумбат хайрхан уулаа өвлийн тун­галаг үдэш харж зогсоход хөхрөгчид одсон эцэг
өвгө­дийн дүр санаанд тодрох ажгуу. Эцэг өвгөд минь уулан­даа шингэж, уул минь эцэг
өвгөдийг шингээснийх болов уу даа…” гэж “Хөхрөгч цэнхэр уулсынхаа бэлд” тэмдэглэл
нь эхэлдэг. Ёстой нэг гол гогдох шиг л эхэлдэг.

Ус нутаг, ижий аав, хүмүү­ний амьдрал,
орчлон хорвоо ертөнцийн мөн чанарын ту­хай дуулсан, оюун санаандаа ургуулж, эх хэлнийхээ
охь үгсээр шигтгэж аархан бичсэн түүний нийтлэлүүд хүмүүний амьдралд улмаа дурлаж,
гэрэл гэгээ рүү тэмүүлэхэд хүргэдэг билээ. Хэн нэгэн авьяас билэгтний тухай энгийн
сайхнаар хөрөглөн дуулсан нь ч цаанаа л нэг уншууртай. Тухайн хүнээ нэвт шувт илэрхийлж,
дотоод ахуйг дэлгэх нь гайхмаар. Ингээд эрхэм уншигч олон­доо Монголын зохиолчдын
эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч, нийтлэлч Баастын Золбаярын шинэхэн бүтээ­лийн
чуулганыг шимтэн уншиж сэтгэлийн таашаал эдлэн, ухаан бодлоо яруусан цэнгэг­шүүлэхийг
хүсье.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Монголчууд аа, сар шинэдээ сайхан шинэлээрэй

Монгол үндэстний томоохон баяруудын нэг болох сар шинийн баяр бүрэн хүчээрээ эхэлж байна. Одоо айлууд хэр хэмжээндээ ядуу нь ядуу гэхгүй, баян нь баян гэхгүй баярын бэлтгэлээ базаагаад дуу­саж байгаа биз ээ. Нар хэнийг ч алагчлалгүй ээдэгтэй адил баяр хэнийг ч алагчлалгүй болж өнгөр­дөг. Харин нарны туяаг хүн болгон өөр өөрийнхөөрөө хүлээн авдаг билээ. Үүн лүгээ адил энэ цагаан сарын баярыг ч мөн хүн болгон өөр өөрийнхөөрөө хүлээн авч байна.

Сонин хэвлэл болон бусад мэдээллийн хэрэгслээр цагаан сарыг шүүмжилсэн нь ихэнх бай­гааг бид мэднэ. Гэвч цагаан сарыг магтан сайшаасан хүмүүс нь тэгж хэрэг болгож сонин телевиз рүү гүйхгүй л дээ. Үүнээс үүдэн хүн бүр үндэснийхээ баярт дургүй болчих­сон мэт харагдаж байна.
Яг жинхэнэдээ үндэснийхээ бая­рыг үгүйсгэвэл үндэстнээ үгүйс­­гэсэнтэй адилхан хэрэг юм. Харин яагаад баярын үеэр шүүмжлэгчид гарч ирдэг нь тусдаа асуудал. Тэд зүгээр л нэг их мундаг хүмүүс болж нэр төрөө гаргаж хүмүүст танигдах гэсэн л өчүүхэн заль мэхээс өөр юу ч байхгүй, “Ууц тавьж муусайн малчдыг баяжуулаад яах юм. Ууц­гүй цагаан сар хийцгээе” гээд уриалаад байсан нөхрийнд ши­нийн нэгэнд очвол тэрбээр хамгийн том ууцаар битүүлэг тавьчихсан сууж байгаад мөрийцөхөд ч би бэлэн байна.
Харин энэ баярыг шүүмжил­мээр юм их байдаг нь үнэн. Зарим ёс заншил энээ тэрээ юм нь нүүд­лийн соёл иргэншлээс уламж­лагдаж ирсэн учир суурин амьд­ралд тохирдоггүй тал бий. Ялан­гуяа хот газрын залуучууд цагаан сар, наадмын үед хийх байх газраа олдоггүй. Өвөө эмээ нь хол байдаг ч юм уу өвөө эмээгүй, залуу аав ээжтэй хүүхэд залуучуудад бол наадам, цагаан сар хоёр шиг уйт­гартай баяр байдаггүй.
Гэвч энэ ч гэсэн цаг зуурын л юм шүү дээ. Тэд нас тогтоод байрга­шаад ирэхээрээ хар аян­даа л цагаан сар, наадмаар баяр­лах гээд л зүхэх нь зүхээд, магтах нь магтаад л гүйлдээд эхэлнэ. Яагаад гэвэл энэ хоёр үндэсний баяр бол хүний хорвоод монгол үндэстэн болж төрсний төлбөр юм гэж би боддог. Та монгол л юм бол цагаан сараа, наадмаа яагаад хийхгүй байдаг билээ. Таныг тэгвэл хэн монгол гэж дэлхийн долоон тэрбум хүнээс таних юм бэ.
Америкчууд сүнсний баяраа хийхээрээ, хятадууд цагаан сараа­раа, оросууд улаан өндөгний баяраараа гээд үндэстэн бүр өвөр­мөц ялгаатай. Тэдний тохитой том эрчүүл, баячуул, харчуул бүгд л үндэстнийхээ хувцас зүүсгэлийг зүүн сонин содон болчихоод гудам­жиндаа гараад хүүхдээ дагуулан баярлаж байгаа харагддаг. Бра­зилчууд самба бүжгийн баяраа бараг хоёр долоо хоног хийж хаашаа л харна шалдан эмс, эрчүүд бөгсөө хаялан бүжиглэдэг. Хэн ч тэднийг муухай байна, наад бүжгээ болимоор юм гэх зэргээр шүүмжилдэггүй. Харин ч “Аа бра­зил хүн юм байна” гэж таних жишээтэй.
Тэгэхлээр бид үндэстнийхээ энэ хоёр том баяр цэнгүүнийг хийсэн шиг хийж, гайхуулсан шиг гайхуул­даг болмоор байгаа юм. Монгол­чуудыг дэлхийд таниулдаг наадам бол шулуухан хэлэхэд нүүдэлч­дийн зэрлэг зугаа цэнгэл. Улаан шороо, халуун хуушуур, давсан бөхийн эр бярдаа аархсан аархал, оносон сумны цөс цалгиулсан уухай, түрүүл­сэн морьдын халуун хөлс. Энэ бүгд зэрлэг цэнгэл биш гэж үү. Гэхдээ наадмыг ингэж хийх­гүй бол өөр яаж хийх гэж. Наадам ийм байхдаа л наадам шүү дээ. Энэ бүгдийн аль нэгийг нь өөрчил­чихвөл наадам наадам биш бол­чихно. Байдаг л нэг уралдаан тэмцээн болно. Хүмүүс бидний өмнөөс ичиж гүйхдээ тулсан, бид­ний өмнөөс айж сандарсан, “Тэнэг монголчуудаас өөр ингэх хүн байх­гүй” гэж хэлүүлэхдээ тулсан байж л бидний наадам маань наадам болно шүү дээ. Морьдын хөлс хомоол, агь гангийн үнэртэй холил­дож үнэрт­сэн тоосон дунд тосонд шарсан хонины махан хуушуураа идэж суугаа таныг л дэлхий “Аа энэ нүүдэлчин монгол байна” гэж тань­даг. Харин чи нэгэнт монгол болж төрсөн л юм бол юундаа ичдэг юм. Ичсэн ч байсан ч таныг дэлхий монгол л гэнэ.
Хуучин цагт Да хүрээнийхэн дөрвөн ханатай гэрээ зараад цагаан сар болчихдог “хүнд гарууд” байсан юм гэнэ лээ. Одоо яагаад дөрвөн зуун мянган төгрөг зээлж аваад цагаалж болохгүй байх билээ. Тавьдаг ууцыг нь тавьж өрдөг боовыг нь өрж, өгдөг бэлгийг нь өгч авалцаад айлаа хэсээд настандаа золгоод явах нь юу нь буруу гэж.
Тэгээд ч энэ аймаар чөмөг зарцаж, цус хага хөлдөм хүйтэн жаврыг амьд мэнд давчихаад эр­гээд харахад хар аяндаа л баяр­ламаар санагдаж байгаа биз дээ. Энэ хар хүйтнийг эсгий гэрийн хага ташим жавартай шөнө үстэй дээ­лээр даруулан байж онд орсон хөгшиддөө баяр хүргэхгүй байж болох уу даа. Тэднийхээ тохойг нь тулж, сэтгэлийг нь сэргээж урамтай үгсээ хэлэлцэж урь унаж ус гэсэх хавар цагийн хүндтэй сайхан баяр хаврын тэргүүн сарын шинийн нэгний баярын мэнд дэвшүүлье.
Монгол түмний дэлхийд ганц нийслэл Улаанбаатар хотын цан­тай чулуун гудамж гэсэж эхэлж байна. Тэр мөсөн хонгил мэт гу­дамжнуудаар үл ялиг уяссан сал­хин зөөлөн мөлхөн ирж цан арилж эхэллээ. Явган замын цас хөл доор чахрахаа больж, утааны порц арай ч шингэрээ юу гэлтэй. Улаан хошуут жунгаа байшингийн дээвэр дээр “жийн, жийн” гэж дуугарч хэд хэ­дээрээ сүрэглэн нисэлдэнэ. Бүс­гүйчүүдийн хувцас үл ялиг нимгэ­рэн, гудамжаар сар шинийн зарлал нүд эрээлжлэм.
Хөдөө цайдамд бол шинэ тө­лийн дуу цангинаж хаврын урь унаж эхэллээ. Хөдөөгийн гол баяр болох сар шинэ болж хөгшид үр хүүхдээ хот орноос хүлээж байна. Ингээд хэрэлдэж хэлцсээр нэгэн жилийг ардаа орхин бас нэгэн жил айлчлан ирлээ. Энэхүү “Баясгалан” хэмээх усан луу жилд Монголын нийгэмд олон үйл явдал болж өнгөрнө. Ард түмэн УИХ болон орон нутгийн сонгуульд оролцоно.
Одоо байгаа амьдралдаа сэт­гэл чинь хангалуун бус байгаа бол өөрчлөлт хийх хэрэгтэй гэдгээ бүгд мэдэж байгаа. Хүн төрөлхтний ирээдүй ардчилал мөн л юм бол ард түмэн Ардчилсан намыг сон­гож таарах биз. Энэ нам ч ард түмний урмыг хугалалгүй нэгдсэн нэг фронтоор сонгуульд оролцож ялалт байгуулах цаг нь ирж байна. Ерэн жилийн дэглэмээс салах цаг болсон гэдэгт монголчууд итгэлтэй байгаа.
Ингээд биднийг захиалан унш­даг, бидэнд итгэл найдвар хүлээл­гэн захиалдаг олон түмэн уншигч­да­даа сар шинийн мэндийг хүргэе. Та бүхний урмыг хугалалгүй ажил­лахаа бид амлаж байна. Бидний гаргасан дугаар бүрт бидний чинь сэтгэл шингэж, ганц ч болтугай сонин сайхан юм уншуулчих юм сан гэсэн зүтгэл шингээстэй байдаг шүү.
Энэ бичвэрээ ардын сайхан үгээр дуусгая гэж бодож байна аа. “Нийгмээрээ онд мэнд орж, даага далантай, бяруу булчинтай, хүү шилтэй, хүүхэн зүстэй сайхан шинэлээрэй”.

Ж.САНДАГДОРЖ

Categories
редакцийн-нийтлэл

ЦАГААН САРЫН БАРИЛДААНЫ жил жилийн түүхээс

Ерэн гурван он. Тэр жи­лийн сар шинийн барил­даа­ны нэг онцлог Хадаа аварга
байлаа. Хүчит биетэй ч бал­чир хүүхэд адил гэнэн цайл­ган аваргаа зодоглосонд бө­хөө
дээдэлдэг ард түмэн чин сэтгэлээсээ баярлаж байв. Шүтэн бишрэгчид нь бүр мэл­мэрүүлж
ч байсан нь тодор­хой. Мань хүн тухайн үед алдаж онож л явсан билээ. Тиймийн учир
олон түмэн Хадаагаа гэм хийсэн хүүхэд адил, буурал толгойгоо ил­сээр гарч ирэхэд
Спортын төв ордныг доргитол алга нижиг­нүүлсэн юм даг. Үндсэндээ тэрхүү барилдаанд
Б.Бат-Эрдэнэ аварга зургаа дахь удаагаа түрүүлснээс илүү Хадаа аварга зодоглосон
нь сонин сайхан байсаан. Эгэл­гүй хүчит аварга тухайн жи­лийн наадмаар нутгийнхаа
дэвжээн дээр, бөхийнхөө тоо­сон дунд л хальсан. Тэгэхээр ерэн гурван он бол Хад
авар­гын зодоглосон сүүлийн ца­гаан сар байв. Нэгийн да­ваанд залуу бөх С.Гүнд­сам­бууд
тахимаа өгснийг санаж байна. С.Гүндсамбуу нь Бул­ган аймгийн Могод сумын харьяат
Луузангийн Нямжав зааны ач хүү байж билээ.

Б.Бат-Эрдэнэ аварга зур­гаа дахиа
манлайлахад Х.Баян­мөнх аварга дөчин есөн насандаа үзүүр булааж байсан. Д.Лхагвасүрэн,
Д.Цэнд-Аюуш, Д.Эрдэнэбат гээд заануудыг цувуулж ор­хиод их шөвөгт О.Балжинням аваргыг
амлан хаяж үзүүр­лэсэн. Тавин насны босго алхах гэж буй аварга идэр залуухан Бат-Эрдэнэтэй
бас чиг удаан барилдсан байх шүү. Хөдөөгийн хүүхэд, битүү­ний орой “араажав”-аа
чаг­наж байгаад бөхөө дуусгаж чадалгүй унтчихаад шинийн нэгний өглөө ааваасаа асууж
байлаа. Бодоод байх нь ээ, бөх их орой дуусдаг байжээ. “Араажав” шуугиад явчихаар
гэрт байгаа хүмүүс хэн нь давчихав аа гээд л зэрэг зэрэг асуудаг сан. Аглаг буйдхан
хөдөөдөө “араажав”-аа чаг­наад битүүний орой бөхөө “үзэж” байсан минь бас л кайфтай
байж шүү. Ийм мэд­рэмж бүх л хүнд төрдөг байх даа.

Тэр жил хоёрын даваанд их олон заан
годройтсон байдаг шүү. Тухайлбал, ман­лай заан Д.Долгорсүрэн за­луу бөх Ц.Адъяахүүд,
Д.Мяг­мар залуу бөх Д.Сумъяа­базарт, З.Дүвчин залуу бөх Ц.Баянмөнхөд, Ж.Ганболд
залуу бөх И.Доржсамбууд тахимаа өгч байв. Догоо заан (Д.Долгорсүрэн) Адъяахүү гэж
Архангайн залууд элэг бүсээ тайлаад зогсож байхад арван естэй хүү нь Мягмар зааныг
өвдөглүүлээд шуугиулж байж. Тэр хүү бол Монгол Улсын аварга Д.Сумъяабазар л даа.
Дүвчинг өвдөглүүлсэн Увсын Хяргасын Цогт-Очирын Баян­мөнх ерэн таван оны наа­дамд
Чогсомын Батзоригтой тунаж начин болсныг манай­хан мэднэ. Буур Жамьян аваргын зээ
хүү Өсөхбаяр гэж гозойсон өндөр бор залуу тухайн жил анх зодоглож нэг даваад том
Сүхбат гарьдад унасан бол Б.Гантогтох гарьд мөн л анх зодоглож Санж­жавын Сүхбаатар
заанд хоё­рын даваанд унасан байна. Цэдэндамбын Цэрэнпунцаг гарьд залуу бөх зодоглож
Т.Нармандах харцагаар гу­рав, Ширмэнгийн Батхуяг на­чингаар тунаж дөрөв давсан байдаг.
Их шөвөгт Дулам­жавын Мөнх-Эрдэнэ арслан заан цолтойдоо шалгарсан юм. Тэрээр шөвгийн
наймд том Сүхбаттай тунасан. Тэр хоёрын хооронд жаахан мар­гаантай барилдаан болсон
санагдана. Мөнх-Эрдэнэ ба­рьц­гүй хавирдгаараа хавирч Сүхбатыгаа өвдөглөчихлөө гээд
дэвээд явчихсан. Гэвч Сүхбатын өвдөг газар хүрсэн эсэх нь тодорхой биш. Үзэг­чид
“унасан, унаагүй, дахин барилд” гээд л. Мөнх-Эрдэнэ гүрийж, Сүхбат болохоор инээгээд
л. Инээсээр байгаад л тахимаа өгчихөөд явчихсан даа. Ерэн гурван оны бас нэгэн онцлох
зүйл нь Ту­вагийн хүчит бөх Аяс Мангуш зодоглосон явдал байв. Тэ­рээр сүүлд бас
нэг ирж ба­рилдсаныг манайхан мэдэж байгаа. Аяс Мангуш аймгийн заан цолтой зодоглоод
хоё­рын даваанд өнөөгийн тод манлай уяач, улсын начин Цэвээнжавын Дуламсүрэнг, гуравт
Дамирангийн Бумбаяр зааныг аймгийн заан цолтой байхад нь тунаж даваад Б.Жавх­лантөгс
харцагад унаж байлаа.

Ерэн дөрвөн он. Б.Бат-Эрдэнэ аварга долоо дахиа түрүүлж, О.Балжинням авар­га
үзүүрлэсэн. Их шөвөгт Пунцагийн Сүхбат, Чадраа­балын Бямбадорж нарын луу жилтнүүд
үлдсэн юм. Бямбаа зааны иртэйхэн барилдаа­нуудыг хүмүүс одоо хэр нь дурсдаг. Өөрөөсөө
хамаагүй өндөр Бумбаярыг тэр холоос давхар ачиж тонгороод гэдэг ч юм уу, эсвэл тухайн
цагаан сараар өмнө нь олон уна­сан Мөнх-Эрдэнийгээ тавын даваанд хэрхэн уран мэхээр
өвдөглүүлснийг мартдаггүй. Д.Мөнх-Эрдэнэ тэрхүү барил­дааны тавын даваанд гурван
бөхөөс ам сонссон байдаг. Ц.Баярсайхан, А.Сүхбат, Ч.Бям­бадорж нараас. Тэгээд л
Ховдын зааныг амлаж Төв аймгийн хоёрыг үлдээчихэж. А.Сүхбат аварга начин цол­той
зодоглон гуравт залуу бөх Д.Сумъяабазарыг, дө­рөвт Ренчинхүүгийн Гансүх зааныг начин
цолтой байхад нь тунаж орхин дараа нь Баярсайхан заантай тунаад өвдөг шороодсон.

А.Сүхбат аварга гурвын давааны төгсгөлд
бас л гур­ван бөхөөс ам сонсчээ. Тэд нь Д.Бумбаяр, Б.Гантогтох, Д.Су­мъяабазар гурав.
Сумъяагаа аваад Бумбаяр Гантогтох хоёроо тунагаж Бумбаяр нь давсан удаатай. Харин
ту­хайн жилийнхээ наадмаар мань хоёр зургаагийн да­ваанд байна уу, бас л тунаж Гантогтох
нь давж, долоод том Сүхбат гарьдыг өнөө олны сайн мэдэх уран барил­даанаараа орхиж
заан цол­ны босго алхсан билээ. Ерэн гурван оны сар шинийн барилдааны зүүний магнайг
Д.Дамдин аварга магнайлан зодоглосон байдаг. Гурвын даваанд цолоо дуудуул­чи­хаад
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, бөхийн тайлбарлагч Агвааны Ган­баа­тарт элэг
бүсээ тайлсан юм. Дамдин аварга А.Ганбаа­тарыг улсын цолонд хүргэж байсан. Тэрхүү
ач буяныг бодож аварга Ганбаатарыг амлалаа, гар хөнгөн гурав давах нь дээ гэж байтал
Ган­баатар начин аваргыг өвдөг­лүүлчихсэн юм.

Ерэн таван он. Б.Бат-Эрдэнэ аварга найм дахиа түрүүлж, О.Балжинням авар­га
үзүүрлэсэн жил. Ерэн дөрвөн оны цагаан сараар ч, улсын наадмаар ч тэр хоёр л үзүүр
түрүү булаалдаж байв. Тэр жил мөн л үлджээ. Их шөвөгт Д.Мөнх-Эрдэнэ арс­лан, залуу
заан Ц.Цэрэн­пунцаг (одоогийн гарьд) нар үлдсэн байдаг. Пунцагаа гарьд Төв аймгийн
Алтан­булаг сумын харьяат, улсын заан Ренчинхүүгийн Гансү­хээр тунаж тав, том Сүхбат
гарьдаар зургаа давж их шө­вөгт Балжаа аваргатай туна­сан. Тэрээр ерэн дөрвөн оны
наадмын наймын даваанд Р.Гансүх заантай, есийн даваанд Балжаа аваргатай тунаж хүч
үзсэн билээ. Цэрэн­пунцаг гарьдын аархаж ба­рилд­сан он жилүүд эхэлж байгаа нь тэр.
Ерэн дөрвөн оны наадмын өмнөхөн Пун­цагаа гарьд Монголын үн­дэсний бөхийн холбооны
дэд тэргүүн, соёлын гавьяат зүт­гэлтэн доктор Довдонгийн Данзан гуайтай автобусанд
таарчээ. Тэгэхэд начин цол­той байж. Данзан доктор Цэрэнпунцагт хандан “Дүү хүү
өнөө жил дор хаяж долоо давна шүү” гэхэд, би юу гээд толгойгоо илж байсан гэдэг.
Үнэхээр ч тэр жил Пунцагаа хүү, төрийн наадамд хоёр жил дараалан үзүүрлээд байсан
Дуламжавын Мөнх-Эрдэнийг долоогийн даваанд, Р.Гансүх зааныг наймын даваанд ор­хиж
их шөвгийн гуравт Бал­жаа аваргатай тунаж байсан түүхтэй.

Ерэн таван оны сар ши­нийн барилдааны
өмнө нэг их өндөр бооцоотой бөхийн таавар явж байсныг санаж байна. Тэр нь 1994 онд
ши­нээр улсын начин цол хүртсэн бөхчүүд хэд давах вэ гэсэн таавар байв. Долгор­сүрэн­гийн
Сумъяабазар, Пүрэв­сүрэн­гийн Ганбаяр, Түв­дэн­жамбын Бат-Эрдэнэ, Цэндээ­гийн Анхбаяр,
Ишдоржийн Ганбаатар, Хэнмэдэхийн Түвшинсанаа, С.Дангаасүрэн  нарын арван начин тэр жил шинээр төрсөн. Тэднээс
Дор­нодын Мягмарын Чимэддорж л Жанчивравдангийн Нам­жилдорж харцагаар гурав давсан
байдаг.

Д.Амгаа, Д.Цэнд-Аюуш, С.Хүрэлбаатар,
Ж.Ганболд, Д.Хишигдорж нарын заанууд хоёрын даваанд унасан. Хөвсгөлийн Элбэг хэмээх
элбэгхэн залуу Хишигдорж зааныг өвдөглүүлсэн нь одоогийн харцага Гунгаагийн Элбэг
л дээ. “Оны шилдэг найман бөх”-ийг бүтэн жи­лийнх нь амжилтаар шалга­руулж шагнал
өгдөг уламж­лалтай. Бүр төрийн тэргүүн шагналыг нь өгдөг байсан байх шүү. Д.Хишигдорж
заанд Пунцалмаагийн Очир­бат гуай шагнал өгөхдөө гишгэгдэл алдаад дор да­ваанд хэрхэн
унасныг өөрөө биетээр үзүүлж олныг хөг­жөөж байв. Цолгүй ганцхан бөх тав давж шуугиан
тарь­сан Ишдоржийн Доржсамбуу байсан. Тэрээр Чогсомын Батзоригоороо тунаж гурав,
М.Мөнгөн арслангаар дөрөв, Д.Эрдэнэбат заанаар тав давж Бат-Эрдэнэ аваргад шороодож
байв. 

Ерэн зургаан он. Төрийн наадамд таван удаа түрүү үзүүрт шалгарсан “хоёр
Эр­дэнэ” буюу Б.Бат-Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ нар цагаан сарын барилдаанд анх удаа түрүү
булаалдсан нь тэр жил юм. Мэдээж ноёлж сурс­наараа Бат-Эрдэнэ нь давж ес дэх удаагаа
түрүүлсэн түүхтэй. Их шөвөгт Балжаа аварга Б.Гантогтох гарьд нар үлдсэн байдаг.
Баянаа авар­га хүүгээ тавын даваанд амлан элэг бүсээ тайлсан. Хорьдугаар зууны манлай
бөх, дэлхийн зуун жилийн бөх од хүчит аварга маань цагаан сарын барилдаанд тийнхүү
хүүдээ тахимаа өгснөөр зодог тайлсныг манайхан санаж байгаа. Ааваараа тав давсан
Гантогтох заан (гарьд) зур­гаагийн даваанд Д.Сумъ­яабазар заан(аварга)-тай тунаж
хүч үзээд давсан би­лээ. Өнөө залуу зургаан заа­ны хоёр нь тийн хүч үзэж бөх сонирхогчдыг
ёстой нэг өн­дөлзүүлсэн дээ. Ерэн зургаан оны цагаан сараар сайн ба­рилдсан бөхчүүдийн
нэг Сүх­баатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Жанцангийн Чулуун начин юм.

“Ерөнхийлөгчийн бөх” гэгд­дэг тэрээр
Р.Давааням заанаар дөрөв, Б.Ганбаатар арслангаар тав давж дунд шөвөгт шалгарсан.
Басхүү тэмдэглэлгүй өнгөрч болом­гүй нэгэн барилдаан бий. 1995 оны наадмаар шууд
долоо даван заан цол хүрт­сэн Гэлэгжамцын Өсөхбаяр хоёрын даваанд өвдөглөсөн. Түүнийг
Төв аймгийн Заамар сумын харьяат, Монгол Ул­сын начин Дуламсүрэнгийн Намдаг залуу
бөх байхдаа шороодуулчихсан. Бас л бөөн шуугиан болж байлаа.

Ерэн долоон он. Зургаан залуу зааны үе эхэлж буйг дуулгаж Цэдэндамбын
Цэ­рэн­пунцаг Бат-Эрдэнэ авар­гатай түрүү үзүүрт үлдсэн. Пунцагаад Бат-Эрдэнэ авар­гыг
хаях боломж бүрэн бай­сан гэдэг. Гэвч дотнын ахын хувьд Баагий аварга Пунца­гаа
дүүдээ учир байдлаа хэлж цагаан сарын баярт завсаргүй арав түрүүлсэн удаатай. Ер
нь Баагий аварга Цэрэнпунцагийг ид үед нь олон буулгасан даа.

Ерэн долоон оны наад­мын их шөвөгт,
2001 оны есийн даваанд тус бүр амлаж унагаж байсан. 2001 онд наян жилийн ойгоор
түрүүл­чих бодолтой байна гээд бас л буулгуулсан гэх яриа бий. За тэр яахав, дотнын
ах дүү­гийн хоорондын явдал биз. Гэхдээ Пунцагаа гарьдын өмнөөс харамсдаг хүмүүс
олон байдаг. Улсад дор хаяж нэг, хоёр түрүүтэй бөх байсан хэмээн одоо хэр нь ярьдаг,
басхүү зодоглохыг нь хүлээ­дэг. Пунцагаа тэр жил зургаан залуу зааных нь нэг болох
Гэлэгжамцын Өсөхбаяраар тунаж зургаа, Д.Мөнх-Эрдэнэ арслангаар тунаж долоо давж
Бат-Эрдэнэ аваргатай үлдсэн.

Олны хайртай Оргилболд начин тухайн
цагаан сарын барилдаанд бас л шуугиан тарьсан. Залуу бөх зодоглоод тав давчихсан.
Мань хүн тэр жилээ Зэвэгийн Дүвчингээр улсын цолонд хүрсэн байдаг. Мөн Хэнтийн Батжаргалын
Одхүү гялалзсан цагаан за­луу Ө.Тулгаа, Д.Цэнд-Аюуш нарын заануудыг гурав, дөр­вийн
даваанд орхиж олны хараанд өртсөн бол До.Ган­хуяг арслан мөн л хорь орчим настай
залуу зодоглож Г.Бат-Амгалан начингаар гурав давж байсан байна. Өлзийн Тулгаа заан
дүү Сумъяа нач­ны хамт тэр жилийн цагаан сараар Увсын хязгаараасаа ирж зодоглосон
юм аа.

Ерэн найман он. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын заан Б.Ганбат
аймгийн арслан цолтойдоо үзүүрлэж цагаан сарын бө­хийн түүхэнд нэгэн шинэ хуудас
нэмсэн билээ. Улсын цолгүй бөх түрүү үзүүрт шал­гарсан тохиолдол 1998 он хүртэлх
хугацаанд байгаагүй юм. Хэрвээ Бат-Эрдэнэ аваргыг өвдөглүүлсэн бол дараалсан олон
түрүүг нь зогсоох байлаа. Аварга тэр жил арван нэг дэхээ түрүүл­сэн билээ. Б.Ганбатын
хувьд өмнөх жилийнх нь сар ши­нийн барилдаанд хоёр давж, гуравт Ч.Батзориг начин
(заан)-тай тунаад өвдөглөж байсан. Түүнийг ерэн долоон оны наадмаар улсын цолонд
баталгаатай хүрнэ, начнаар тогтохгүй гэгдэж байв. Гэтэл яалаа, гурвын даваанд Ц.Цэ­рэнпунцаг
заан (гарьд) ам­лаж аваад хаячихсан. Олны нүд орой дээрээ гарна гэдэг л болсон.
Ямар сайндаа Бая­наа аварга “Сайхан л наадам боллоо, Сүхбат маань заан цол хүртлээ.
Ганбатыгаа бас л заантай даа гэж байтал гурвын даваанд Цэрэнпунцаг аваад хаячихлаа.
Залуу бай­хад аатай омогтой, аль болох хатуу ам авъя л гэж боддог. Гэхдээ Цэрэнпунцаг
арай л хатуу ам авлаа даа” гэж тол­гой сэгсэрч байсныг санаж байна.

Аймгийн арслан Б.Ган­­бат үзүүрлэхдээ
Чогсомын Бат­зо­риг, Цэдэ­вийн Мягмарсүрэн, Гэлэгжам­цын Өсөхбаяр на­рын нэгэн үеийн
шилдэг хүчтэнүүдийг дараалуулан орхиж, их шөвөгт Д.Мөнх-Эрдэнэ арсланг давсан юм.
Тэр жил Ганбаттай адил бас л сайн барилдсан бөхийн нэг цэргийн начин Ц.Цэрэнчимид
(одоогийн начин) байлаа. Улсын наадмын начны да­ваанд хэд хэд бүдэрсэн тэ­рээр И.Доржсамбуу,
О.Одгэ­рэл нарын ид гарч ирж буй залуу хүчтэнүүдийг хаяж дунд шөвөгт шалгаран Балжаа
аваргад тахимаа өгч байв.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

ЦАГААН САРЫН БАРИЛДААНЫ жил жилийн түүхээс

Зураг дээр зүүн гараас О.Балжинням, Б.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан нар. 1989 оны УАШТ-ий үеэр

Наян найман он. Б.Бат-Эрдэнэ аваргын анх удаа түрүүлдэг жил. Өнөө арван
гурав түрүүлсний эхнийх нь юм. Үндсэндээ монгол бө­хийн түүхэнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр
сумын харьяат, хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнийн үе эхэлж байгаа
нь тэр ээ. Ту­хайн барилдааны үзүүрт Өвөр­­хангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул
“Алдар” ний­гэмлэгийн бөх Бандийн Ган­баатар шалгарсан бай­даг. Дөрвөн аваргыг цувуулан
орхиж төрийн наадам (1985 он)-д түрүүлж байсан түүнд бөх сонирхогч олон ихээхэн
найдлага хүлээлгэж байсан ч нэг их дээшээ яваагүй. Харин тэр жилийн цагаан сараар
анх удаа түрүү үзүүрт үлдсэн байдаг шүү. Б.Бат-Эрдэнэ аварга түрүүлэхдээ заан цол­той
байсан.

Гурвын даваанд Өвөрхан­гайн өндөр
Д.Эрдэнэбат заа­ныг, дөрөвт Баян-Өлгийн Ба­хыт начинг, тавд Д.Мягмар зааныг, зургаад
О.Балжин­ням аваргыг начин цолтойд нь тунаж орхисон байдаг. Д.Мяг­мар заан тавын
да­ваанд та­ван бөхөөс ам сон­сохдоо Бат-Эрдэнийг амла­сан. Бөх­чүүд болоод олон
түмний яриагаар бол тунаа­наас гар­гаж, ялангуяа Дам­дин­гийн Баяраатай тунахаас
нь урь­таж даваа ахиулсан гэх юм билээ. Тэр нь ч үнэн байх. Учир нь өнгөрсөн жилийнх
нь цагаан сарын барилдаанд Б.Бат-Эрдэнэ дөрвийн да­ваанд Д.Баярааг амлаж ба­рилдаад
унаж байсан. Ту­хайн үед Бат-Эрдэнэ аваргын хатуухан учраануудын нэг Баяраа гарьд
байсан байгаа юм. Мягмар заан хэрвээ ам­лаагүй бол Баагий аварга Баяраа гарьдтай
яалт ч үгүй л тунах байж. Баяраа гарьд, Ишгэн зааныг тунаж хаян шөвгөрсөн байдаг.
Баяраа тэр жилийнхээ наадамд од­той сайхан барилдаж заан цол хүртсэн байдаг шүү.    

Наян найман оны барил­даанд хоёр бөх
бусдаасаа жаахан онцгой байлаа. Нэг нь гавьяат тамирчин Жамцын Даваажав. Тэрээр
Өвөрхан­гайн С.Дамдинбазар начин, Ч.Гочоосүрэн заан, П.Дагва­сүрэн арслан нарыг
өвдөг­лүүлж тавын даваанд Б.Ган­баатар арсланд унасан би­лээ. Даваажав ч аргагүй
ясны бөх дөө. Ид үедээ улсын наа­дамд цөөхөн зодоглосон. Гадагшаа дотогшоо тэмцээн
уралдаан гэж яваагүй бол ядаж л заантай шүү гэх яриа гарч байв. Нөгөө нэг нь Увсын
Тэсийн Дэчингийн Жавзан­жамьян начин. Арван найм, есөн настай залуу идэрчүү­дийн
улсын аваргад оролцож мөнгөн медаль хүртээд ца­гаан сарын барилдаанд Н.Бүрэнзэвсэг,
Д.Баатаржав, Д.Амгаа нарын хүчтэй заан, начингуудыг дараалуулан орхиж бага шөвөгт
шалгарч байлаа. Мань хүн улсын цолт­­нуудын аманд гарахаа­саа л Амгаа зааныг ноёлдог
байж. Сонирхуулахад, ерэн хоёр онд Амгаагаар тав давж начин болсон юм.

Наян есөн он. Б.Бат-Эр­дэнэ аварга хоёр дахиа тү­рүүлж, Х.Баянмөнх аварга
үзүүрлэсэн жил. Их шөвөгт М.Мөнгөн арслан, С.Сүхбаа­тар заан нар үлдсэн. Баянаа
аварга Сүхээ зааныг амлаад, Мөнгөн Бат-Эрдэнэ хоёр тунасан юм. Мөнгөн арслан ирэн
дээрээ байгаа залуу хүчтэнд одоогийн хэллэгээр бааварласан гэдэг шүү. Бат-Эрдэнийг
хүчээр түлхэж ха­нанд аваачиж наагаад л, үзэгчдийн суудал руу хэд хэд аваачаад л.
Мөнгөн арслан маань арай л харьчихаагүй, омогтой байж дээ.

С.Сүхбаатар заан начин цолтойгоо их
шөвөгт үлдсэн. Тэрээр ерэн оны наймдугаар сард Хэрлэнгийн хөдөө аралд болсон Нууц
товчооны ойгоор заан болсон билээ. Наян есөн онд хоёрт нэг нут­гийн Ж.Ганболд зааныг,
гуравт мөн л нэг нутгийн Г.Намсрайжавтай тунаж, дөрөв, тавд П.Дагвасүрэн, Б.Ганбаатар
нарын арслан­гуудыг орхисон байна. Тэр жил шуугиулсан бөхчүүдийн нэг нь Сэлэнгэ
аймгийн арс­лан Жүрмээгийн Ганзориг. Бие галбир, гараа дэвээ, уран хурц дайчин барилдаан,
хэл­бэр хийцээрээ А.Сүхбат авар­гатай төстэй гэгддэг, бас чиг үймээний л эзэн байлаа
даа. З.Дүвчин, Д.Мягмар на­рын хүчтэй заануудыг хоёр, гурвын даваанд өвдөглүүлж
Ц.Баярсайхан зааныг начин байхад нь тунаж унаж бай­сан. Ц.Баярсайхан заан гур­вын
даваанд Балжаа авар­гаар давсан. Үндсэндээ Бал­жаа аварга заан цолтой­доо түүнийг
амлаад унасан юм. Учир нь тухайн сар ши­нийн барилдааны өмнө үн­дэс­ний бөхийн улсын
аварга шалга­руулах тэмцээн болж Бат-Эрдэнэ түрүүлэн, Балжаа хоёрт орж заан, Баярсайхан
гуравт орж начин цол хүртсэн. Балжаа ердөө хоёрхон унаа­тай байв. Бат-Эрдэнэ, Баяр­сайхан
хоёрт л унасан. Тий­мийн учир даагаа нэхэж Баяр­­­сайханаа амласан бай­даг. Тэр
жилээс хойш улсын аваргад амжилт үзүүлсэн бөхчүүдэд цол өгөөгүй билээ.

Ерэн он. Б.Бат-Эрдэнэ аварга гурав дахиа түрүүлж, Д.Цэрэнтогтох
аварга үзүүр­лэсэн. Их шөвөгт Б.Ганбаа­тар арслан Ө.Тулгаа заан нар үлдсэн юм. Өлзийн
Тулгаа зааны “Увсын Хархираагийн сангийн аж ахуйн бөх” хэмээн дуудуулан ид барилдаж
бай­сан он жилүүд нь гарцаа байхгүй ерээд он юм. Тээв­рийн тэрэгтэйгээ Увсаас би­түүний
өдөр давхин ирж Спор­тын төв ордны өмнө зогсоод аяны тоосоо ч гөвж амжилгүй зодоглож
байсан жилүүд нь. Тулгаа заанд ард түмэн ямар их хайртай бай­сан гэж санана. Ерэн
оны цагаан морин жилийн сар шинийн барилдаанд идэрхэн заанаа шөвгөрөхөд Монгол даяараа
л баярласан даа. Тэрээр Цэдэндамбын Баяр­сайхан зааныг гурвын да­ваанд амлаж унагасан
бай­даг. “Тулгаа ч хатуухан ам авч байна даа. Өнөө жил ч өнгө­тэй байгаа юм байна”
гэх яриа ихээ эрт чих дэлсэж байсан дуулддаг. Дөрөвт Мядагийн Мөнгөнийг, тавд Хорлоогийн
Баянмөнх аваргыг өвдөг шо­роодуулсан. Өнгөрсөн жи­лийнх нь барилдаанд түрүү үзүүр
булаалдсан Баянаа аварга “Тулгаагаа арай ч намайг туучихгүй байх гэж бодоод авсан
чинь бурууд­лаа” хэмээн амаа барьсан удаатай.

Тэрхүү барилдаанд Говь-Алтайн Энхжаргал,
Завханы Нармандах, Дармаабазар, Хэнтийн Баяраа, Дорнодын Чимэддорж гээд аймаг, цэр­гийн
дэрсхэн арслангууд туйлж өгсөн байгаа юм. Ухаан­­даа, хоёрын даваанд Энхжаргал нь
С.Хүрэлбаатар зааныг, Чимэддорж нь Ишгэн зааныг, Нармандах нь Бая­раа заан (одоогийн
гарьд)-ыг, Баяраа нь Агвааны Норов начинг, Дармаабазар нь Гүсэ­мийн Жалаа начинг
өвдөг­лүүлсэн байх жишээний. Бас болоогүй Тэрбишийн Нар­ман­дах Д.Амгаа, С.Сүхбаа­тар
нарын заануудыг гурав, дөрвийн даваанд шороо­дуулж Б.Бат-Эрдэнэ аваргад унажээ.
Мань хүн тэр жи­лийнхээ наадмаар зургаа давж өсөх идэр чимэгтэй начин, одоогийнхоор
харцага цолны болзол хангасан бол Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Цанжидын
Энхжаргал ерэн нэгэн онд Р.Давааням заанаар тав давж начин, Завхан аймгийн Эрдэ­нэхайрхан
сумын харьяат Монхорын Дармаабазар ерэн гурван онд Жамбалын Ганболдоор зургаа давж
бө­хийн шинэчилсэн дүрмээр харцага цолны, Дорнодын Мягмарын Чимэддорж ерэн дөрвөн
онд Дамдингийн Бая­раа­гаар тав давж начин цол­ны болзол тус тус хан­гасан бай­даг
аа. Тэр хэдээс улсын цолгүй үлдсэн нь Хэн­тийн “дэгээ” Г.Баяраа юм. Дэгээгээ нэг
л ороовол хэнийг ч гэсэн хэвтүүлж байж санаа нь амардаг аавын хүү байлаа.

Ерэн нэгэн он. Тэр жилээс сар шинийн барилдаанд 256 бөх зодоглож эхэлсэн
түүх­тэй. Монгол Улс ардчиллын замналаар замнасан он жи­лүүдийн эхлэл. Нэгдэлчдийн
баярт зориулсан гэдэг ч юм уу, эс бөгөөс Монголын ра­дио, телевизийн улсын хо­рооны
нэрэмжит гэх албаны соц үг, ойлголтууд гээгдэж “Билгийн тооллын арвандол­дугаар
жарны цагаагчин хонин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бө­хийн барилдаан”
хэмээн бөхийн тайлбарлагч Шагда­рын Чанрав, Агвааны Ган­баа­тар нар цээлхэн хоолой­гоор
ард түмний сэтгэлд нэг л дотнохон хүргэж эхэлсэн дээ. 256 бө­хөөс Б.Бат-Эрдэнэ аварга
найм даван ман­лайлж, Бандийн Ганбаатар арслан үзүүрлэсэн. Их шө­вөгт дар­хан аварга
Д.Цэрэн­тогтох, улсын заан С.Сүхбаа­тар үлдсэн байдаг. Улсын цолгүй хоёр бөх тав
давж дунд шө­вөгт шалгарсан нь Дулам­жавын Мөнх-Эрдэнэ, Гунгаа­самбуугийн Бат-Амга­лан
нар байлаа.

Д.Мөнх-Эрдэнэ арслан тэр жилийн цагаан
сараар цэргийн арслан цолтой зо­дог­лож гуравт Нэргүйн Түмэн­наст начинг, дөрөвт
Болдын Жавхлантөгс харца­гыг, тавд онжав Ч.Бямба­доржтойгоо тунаж орхисон юм. Мөнх-Эрдэнэ
Бямбадорж хоёрын хооронд тухайн цагаас гал­тай барилдаанууд эхэлсэн түүхтэй. Улсын
наа­дамд ч тэр, цагаан сарын барилдаанд ч тэр мань хоёр олон удаа тунасан. Ихэвчлэн
Бямба­дорж заан унаад шаран­даа уйлдаг байлаа. Ерэн гурван оны наадам байна уу даа,
өнөө усан бороотой жил мань хоёр бас л тунаад. Мөнх-Эрдэнэ Бям­ба­доржийгоо устай
хонхор руу палхийтэл нь шидээгүй юу. Заан цолонд зүтгэж бай­сан Бямбадорж уйлчихсан
монгол гутлаа тай­лаад хө­лийнхөө жийргийг мушгиж байсан даа.

Их шөвөгт үлдсэн улсын цолгүй нөгөө
нэг бөх нь Зав­хан аймгийн Их-Уул сумын харьяат, Монгол Улсын начин Гунгаасамбуугийн
Бат-Амга­лан. Тэрээр гурвын даваанд Сэлэнгийн Ж.Ганзоригтой тунаж, дөрөвт аварга
О.Бал­жиннямыг, тавд Дамдингийн Баярааг өвдөглүүлсэн байна. Бас л хатуу учраанууд.
Ж.Ганзориг тухайн үед хэрхэн шуугиулдаг байв, за тэгээд Балжаа аваргын төрийн наа­дамд
түрүүлдэг жил, Баяраа гарьд ч ид байсан үе. Ийм л ланжгаруудыг Бат-Амгалан начин
залуу бөх байхдаа цувуулж хаясан байгаа юм. Тухайн үеийн “Спортын мэ­дээ” зэрэг
сонинуудад Г.Бат-Амгалан, Д.Жавзанжамьян нарын тухай их гардаг байв. Цаашаа хол
явна гээд л. Харамсалтай нь, тэр хоёр начнаар л тогтсон доо.

Ерэн хоёр он. Б.Бат-Эр­дэ­нэ аварга тав дахиа тү­рүүлж, О.Балжинням
аварга үзүүрлэсэн жил. Их шөвөгт Баянаа аварга, Баяраа гарьд нар үлдсэн байна. Тухайн
барилдаанд том, жижиг хоёр бөх цойлчихсон байдаг. Том нь Жигмэдийн Оргилболд начин.
Жижиг нь Агваан­сам­дангийн Сүхбат аварга. Ж.Оргилболд начин залуу бөх зодоглож
Пунцагийн Сүх­бат гарьдыг заан цолтой ид байхад нь хоёрын да­ваанд, Булганы Равдангийн
Лхагва­сүрэн начинг гуравт, Дулам­жавын Мөнх-Эрдэнээр тунаж дөрөв, Говь-Алтайн Содно­мын
Эрхэмбаяр начин­гаар тав давж их шөвгийн наймд Дамдингийн Бая­раа­тай ту­наад унасан
байна. Өндөр нам хоёр залуу үзэгч­дийг жинхэнэ байлдан да­гуулж тэр жилийн яриа
хөө­рөө­ний эзэн болжээ. Оргил­болд том Сүх­бат хоёрын ба­рилдаан их удаан үргэл­жил­сэн
гэдэг. Дараагийн даваа нь эхэлчи­хээд байхад давал­цаагүй байжээ. Гол нь Оргио байж
байгаа нь өөрөө содон. Уна­сан ч, давсан ч инээж байдаг гарьд маань хоёр метр хол
гаран өндөр товарищид яах аргагүй унаж тахимаа өгчи­хөөд инээж нэг, ярвайж нэг үзсэн
сураг бий. Төрийн наа­дамд дөнгөж үзүүр­лэчихсэн арслан, авар­га цол л нүдэнд нь
харагдаж байсан Пунца­гийн Сүхбат заан (одоогийн гарьд)-ыг Оргилболд үнэндээ тамласан
байгаа юм. Ёстой уйлах ч биш, инээх ч биш болгосон гэдэг.

Даян аварга Агваансам­дангийн Сүхбат
мөн л залуу бөх зодоглож нэгийн даваанд Төв аймгийн Баянцогт сумын харьяат, аймгийн
арслан Бям­­бын Шаравдоржийг, хоёрт улсын заан Ж.Ганбол­дыг, гурав, дөрөв, тавд
Тэр­бишийн Нармандах, Лүндэ­гийн Бадарч, Гэлэгийн Намс­райжав нарын хүчтэй харца­гуудыг
дараалуулан орхижээ. Биеэр жижиг хэрнээ уран дайчин барилдаантай, шөр­мөстэй залуу
эхний даваа­наас олны анхаарлыг татсан байна. Улсын цолонд хам­гийн ойрхон бөх гэгддэг
Ша­рав­дорж арслангийн баруун хөлийг нь авч ард нь гараад хаяжээ. Ганболд заан,
Нар­мандах, Бадарч нарын өндөр биетэй хүчтэнүүдийг ч хөлд нь ганцхан сууж бужигнуулаад
л тэнгэр харуулчихаад байж. Тавын даваанд Намсрайжав харцагыг тийм жижиг биетэй
хэрнээ нохой мордоод хая­чихсан гэдэг. Үзэгч, сонсогч олон шавайгаа ханатал баяр­ласан
нь мэдээж. А.Сүхбат аварга Намсрайжавыг нохой мордож унагахдаа хөлөө эвгүй гишгэн
доголчихсон байна. Ингээд түүнийг зургаа­гийн даваанд Баянаа аварга амласан түүхтэй.
Тэрхүү ба­рилдаанд монгол бөхийн нэгэн үеийн хүчтэнүүд анх зодоглож байжээ. Тухайлбал,
Дамирангийн Бумбаяр заан Увсаас дөнгөж ирээд байсан залуу зодоглоод Б.Батхуяг начнаар
хоёр, Очирын Одгэ­рэл заан Дүвчин заанаар хоёр давсан байх жишээний. Цэдэндамбын
Цэрэнпунцаг гарьд Р.Даваадалай начинд, Ишдоржийн Доржсамбуу гарьд аймгийн арслан
П.Сумъяагаар нэг давж Р.Да­вааням заанд тус бүр хоёрын даваанд тахимаа өгчээ.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

ЦАГААН САРЫН БАРИЛДААНЫ жил жилийн түүхээс

Зураг дээр зүүн гараас Даян аварга С.Цэрэн, Дархан аварга Д.Дамдин

Наян нэгэн он. Жигжидийн Мөнхбат аварга зургаа дахь удаа­гаа түрүүлж,
Дашдоржийн Цэрэн­тогтох аварга үзүүрлэсэн жил. Их шөвөгт Х.Баянмөнх аварга, Говь-Алтайн
Дугарын Нэмэхбаяр начин нар шалгарч байжээ. Тэр жилийн шуугианы эзэн мэдээж Говь-Ал­тайн
Нэмэхбаяр. Тэрээр аймгийн арслан цолтой байхдаа сар ши­нийн барилдааны их шөвгийн
дөрөвт гурван аваргатай тийнхүү тунаж байсан удаатай. Ж.Хайдав арслангаар гурав,
Д.Долгорсүрэн заанаар дөрөв, Д.Галдандагва начингаар тав давсан байдаг. Бас л луугаруудыг
л өвдөглүүлсэн байгаа юм. Түүнийг тэр жилийн наадмаар бас л хуйхлаад өгөх байх гэж
үзэгч олон харж байсан ч улсын цолонд хүрч чадаагүй. Наян зургаан онд начин болсон
байдаг шүү.

Тухайн жилийн сар шинийн барилдааны
үеэр залуучуудын Улсын аварга шалгаруулах тэм­цээн зохиогдсон байдаг. Түүнд зодоглосон
залуус цагаан сарын барилдаанд хүч үзсэний нэг нь Д.Нэмэхбаяр юм. Түүнээс гадна
Өмнөговийн Дашдуламын Багахүү, Булганы Жамцын Бор нар л бас үймээн тарьсан байдаг.
Д.Багахүү хоёрын даваанд Д.Лхагвасүрэн зааныг өвдөглүүлж, гуравт Ховдын Адуучийн
Баатархүү начинтай тунаад унасан байна. Гурвын давааны төгсгөлд Дамдингийн Галдандагва
начинг Булганы Бо­рыг, Ендонгийн Ишгэн Жанцангийн Чулууныг амлаж Баатархүү, Бага­хүү
нар тунаж байжээ. Тэдний хооронд гал маналзсан барилдаа­нууд гарсан нь тодорхой.
Адуучийн Баатархүү дөрөвт Мядагийн Мөн­гөн арсланг заан цолтой байхад нь өвдөглүүлж
Баянаа аваргад тахи­маа өгсөн байна. Сонирхуулахад, Д.Дамдин аварга тавын даваанд
долоон бөхөөс ам сонсохдоо баруун жигүүрийг магнайлан ба­рил­даж байсан Ж.Мөнхбат
авар­гыг амлаж Спортын төв ордонд цугласан олон болоод хөдөө орон нутагт “араажав”-аа
чагнаад сууж байсан түмнийг алмайруулсан гэдэг. Данигай аваргын тэрхүү шийдвэрийг
хүмүүс янз бүрээр ярьдаг. Зарим нэг нь “Мөөеөгийн түрүүлэх замыг нь эртнээс зассан”
гэдэг бол, зарим нь залуучуудаас халгаад яалт ч үгүй Мөөеөгөө авсан гэж барин тавин
хэлдэг юм.

Наян хоёр он. Хорлоогийн Баянмөх аварга найм дахь удаагаа түрүүлж, Мядагийн
Мөнгөн арслан үзүүрлэсэн. Их шөвөгт Д.Мягмар, З.Дүвчин нарын заанууд үлджээ.

Д.Мягмар заан дөрөвт Дан­зандаржаагийн
Сэрээтэрийг, тавд Чогдовын Амартүвшин зааныг хүч бярын илүүгээр өвдөглүүлсэн бол
Зэвэгийн Дүвчин, Д.Дашжамц, О.Бахыт, А.Баатархүү нарын үе тэнгийн шилдэг хүчтэнүүдтэйгээ
даваа бүрт тунаж, тунасан бүхнээ орхижээ. Дүвчин тухайн үед начин цолтой байсан
билээ. Түүнийг хөлөөрөө олон сүлжээ мэх хийдэг уран барилдаанч бөх гэдгийг ма­най­хан
мэднэ. Дээрх хүчтэнүүд­тэйгээ адуу шиг л тачигнасан гэдэг шүү.

Адуу шиг гэснээс наяад оны эхээр боодогны
чулуу шиг атгаж боломгүй нэгэн үеийн хүчтэнүүд гарч ирсэн нь Рэгжийбуугийн Да­вааням,
Бандийн Ганбаатар, Дам­дингийн Баяраа, Өлзийн Тулгаа, Зэвэгийн Дүвчин, Содномын
Эр­хэм­баяр, Однойн Бахыт, Довдон­гийн Дашжамц, Жамцын Бор, Адуучийн Баатархүү,
Дашдуламын Багахүү нар юм. Тэдний хооронд л бөхчүүдийн хэлдгээр гал авалцсан барилдаанууд
болдог байж. Дэн­дэвийн Амгаа заан тухайн барил­дааны гурвын даваанд Төмөрийн Артаг
начинг амлаж барилдаад унасан байдаг. Заан цолыг аваад удаагүй, жинхэнэ торгон ирэн
дээрээ байсан Амгааг тахимаа өгөхөд олон түмэн “Ясны сайн бөх гэдэг ямар ч үед эвгүй
дээ. Артаг бол хэвээрээ л байна. Харих бо­лоо­гүй юм байна” гэцгээж байсан дуулддаг
юм. 

Наян гурван он. Дашдоржийн Цэрэнтогтох аварга түрүүлж, Дэн­дэвийн Амгаа
заан үзүүрлэсэн жил. Д.Амгаа заанаа түрүүлчихэж юуны магад хэмээн Булганыхан бараг
л хамт барилдсан удаатай. Үндсэн­дээ Цэрэнтогтох аваргатай их олон хүн барилдсан
байх. “Араажав”-аа сонсоод л байгаа. Давах бүрт нь бөөн дуу болж хотлоороо баяр­лаад
л. Хамгийн их баярласан нь зургаагийн давааны шөвгийн дө­рөвт Баянаа аваргыг хаяхад
гэдэг юм билээ. Аргагүй л дээ, өнгөрөгч жил нь түрүүлсэн хүчтэнийг орхиж түрүү үзүүр
булаалдах сайхан. Тэр жил их шөвөгт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Монгол Улсын
гавьяат тамирчин, хүчит заан Са­рангэрэлийн Хүрэлбаатар шал­гарч мөн л хоймор нутгийнхаа
олон түмнийг догдлуулаад авсан. Дам­дин, Бээжин аваргуудаас хойш Хөвсгөлийн хүчтэнүүд
сар шинийн барилдаанууд тэр бүр өнгөлөөгүй байв.

Яг л тийм ахуй цагт Хүрлээ заан гараад
ирсэн байгаа юм. Тэрээр алдарт бусгаа мэхээрээ хатуухан учраануудаа өвдөглүүлснийг
мэ­дэх хүмүүс нь хэлдэг юм. Хүрлээ зааны бусгаанд тогтож үлдсэн бөх ховор гэх юм
билээ. Наян гурван оны сар шинийн барилдаанд өнөө л “гайхал”-ууд бас л шуугиулжээ.
Гайхлууд гэдэг маань миний дээр овог нэртэй нь цоллосон бөхчүүд дээ. Тэднээс “Алдар”-ын
тамирчин Жамцын Бор ус нутгийн ах Сэ­рээтэрийн Цэрэн аваргаар гурав, Д.Долгорсүрэн
заанаар дөрөв давж Д.Цэрэнтогтох аваргад тахи­маа өгсөн байдаг. Цэрэнтогтох аваргаас
өөр хүн Булганы Борыг тогтоохооргүй байсан гэдэг. Мань хүн тэр жилээ шууд зургаа
давж өсөх идэр чимэгтэй начин, одоо­гийн­хоор харцага цолны болзол хангасан билээ.
Санжжавын Сүх­баатар заан залуу бөх зодоглож хоёрын даваанд Ө.Эрдэнэ-Очир арсланг,
гуравт Д.Дашжамц начныг тунаж, дөрөвт Чимэдийн Гочоо­сүрэн зааныг орхиж дунд шөвөгт
шалгарч байж. Зааныг бөхийн хүрээнийхэн “нам Сүхбаатар” гэдэг байж билээ. Бие жижгэвтэр
хэрнээ жин ихтэй, уран дайчин барил­даантай бөх байсан. Залуудаа жин багатай байсан
ч баргийн хүнд бярдуулдаггүй, хатуу боорцог байж шүү. Ө.Эрдэнэ-Очир урьд өмнө үзээгүй
залуу бөхөд уначихаад Сосорбарам нарын үе тэнгийнхэн дээрээ ирээд “Би чинь ямар
хүнтэй учраа таарчихав даа” хэмээн тол­гой сэгсэрсэн гэдэг ээ.

За тэгээд гурвын давааны төгс­гөлд
Ё.Ишгэн С.Эрхэмбаяр, Д.Бая­раа О.Бахыт, Д.Нэгдэл Бандийн Ганбаатар, Г.Пүрэв-Очир
Р.Даваа­нямтай тус тус хүч үзэж тахимаа өгсөн байдаг. Сонирхуулахад, Увс аймгийн
Тэс сумын харьяат Дов­чингийн Нэгдэл начин хөгжмийн зохиолч Цэцэрлэгийн төрсөн ах
билээ.

Наян дөрвөн он. Олон түмний хайртай бөх Дагвацэрэнгийн Хад­баатар аваргын
түрүүлдэг жил. Тэрээр эхний даваанаас үзэгчдийг шуугиулсан байдаг. Өөрөөс нь хамаагүй
жижиг, өнөө тарваган Бадарч найз шиг нь бөх эхний даваанд таарч л дээ. Тугийн манд­лын
өмнө дэвээ шаваагаа гүйцэт­гэчихээд өмнөө зогсоо учраагаа анзааралгүй дээгүүр харж
олныг инээлгээд авчээ. Тэгээд зогсохгүй өнөөхөө дух руу нь хүчтэй алгадсан байгаа
юм. Тэр том хүний гарын аяыг өнөө залуу яаж даахав дээ, уулын уруу хүч алдан арагшаагаа
өнхрөх машин шиг хойшоо хэд харайлгаснаа тас гэдрэгээ саваад унажээ. Үзэгчид бас
л бөөн инээ­дэм. Хадаа аварга түүнийг нь сайн мэдэж байгаа учир улам алиалж дэвээд
л. Түүнийг хэдийн даваанд ч юм бэ учраа бөхтэйгээ хүч үзэж байхад үзэгчдийн суудлаас
нэг нь “Хадаа дүүгүүрдээрэй” хэмээн орилжээ. Тэгж хэлэхийг нь л хүлээж байсан мэт
тэр зүгт анхаарал нэгэнтээ хандуулснаа учраагаа сүнгэнэтэл дүүгүүрдээд хаячихаж.
Бас л бөөн шуугиан. Залуус “Хадаа, Хадаа” хэмээн шүгэлдээд л. Олны тэрхүү дэмжлэг,
сэтгэлийн хөөр­лийг хөсөрдүүлэлгүй хүчит аварга их шөвөгт Д.Цэрэнтогтох аваргыг,
түрүү үзүүрт Ёндонгийн Ишгэн зааныг орхин түрүүлсэн байна. Байнд ирсэн монгол гутлаа
өөрт нь таарахгүй учир “Алдар” нийгэм­лэгийн тамирчид, дүү нар­таа өгс­нийг тэд
зах дээр аваачиж зарснаа нэн бахархалтайгаар дурсдаг юм билээ. Наян дөрвөн он ийнхүү
Хадаатай цагаан сар бол­жээ. Тэр­хүү барилдааны өөр сонин хач­наас хүргэе. Д.Дамдин
аварга гурвын даваанд Л.Сосорбарам арсланг амлаж барилдаад барал­гүй унасан байдаг.
Мөн нэг хачир­халтай зүйл нь дөрвийн даваанд хүч үзсэн арслан М.Мөнгөн, заан Ч.Гочоосүрэн
нар удаан барилд­сан учир хасагдаж тавын даваанд бөх сондгойрон Баянаа аварга гоц
мөргөж байжээ. Бас сонин шүү. Гочоо заан хасагдчихаад уяа бөхөд амлагдсандаа харамссан
болов уу. Тухайн цагаас Мөнгөн арсланг “Уяа Мөнгөн” гэж нэрийдэх болсон байж ч мэдэх
юм. Хоёрын даваанд Уламбаярын Мижиддорж арслан үл таних нэгэн залууд дүүгүүр­дүүлж
унажээ. Тэр нь хожмоо улсын начин цол хүртсэн Булган аймгийн Сайхан сумын харьяат
Мягмар­жавын Болдбаатар начин байсан байна. Мөн хоёрын даваанд Сүх­баатарын Дахын
Од­сүрэн хар­цага Увсын залуу бөх Ж.Ганболд (улсын заан)-д, Тө­мөрийн Артаг начин
залуу бөх Лу.Энхбаяр(улсын начин, гавьяат тамирчин нэрт бөх)-т тус тус уна­жээ.
Бас тэмдэглэлгүй өнгөрч бо­ломгүй нэг барилдаан байна аа. Тэр нь Увсын Ө.Тулгаа,
Ховдын Р.Даваадалай нар. Гурвын да­вааны төгсгөлд хүч үзэж Рав­дангийн Даваадалай
начин давсан байна.

Наян таван он. Дагвацэрэнгийн Хадбаатар аварга гурав дахиа түрүүлсэн
жил. Ард түмэн бас л шавайгаа ханатал баярласан нь мэдээж. Үзүүрт Д.Цэрэнтогтох
аварга үлдэж, С.Хүрэлбаатар заан, М.Мөнгөн арслан нар шөвгөрчээ. Тэр жилийн барилдаанд
бас л сонин сайхан дурсамжууд бий. Тухайлбал, С.Цэрэн аварга гурвын даваанд Ө.Эрдэнэ-Очир
арсланг амлаад унасан бол дараагийн даваанд Л.Сосорбарам арслан мөн л амлаж барилдаад
унасан байна. Барилдааны дундуур Со арслан Цэрэн аваргад “Эрдэнэ-Очирыг хоёулаа
элбээд ч бар­сангүй дээ” гэж хэлээд олныг хөг­жөөж байжээ. Олон түмнээ “дүүгүүр”
хэмээн алдаршсан Дандарын Гомбосүрэн начин нас нэлээд ахисан хойноо зодоглож нэгийн
даваанд хорьдугаар зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээд унажээ. Дүүгүүр
Гомбо­сүрэн зодоглосон гэснээс тухайн үед хамгийн ахмад бөх нь Говь-Алтай аймгийн
харьяат, аймгийн арслан Ядамжавын Мөнхөө. Олон түмнээ “цахилгаан Мөнхөө” хэмээн
алдаршсан тэрээр жаран насан­даа зодоглож байсан гэдэг шүү. Мөнхөө арслантай холбоотой
нэгэн хуучийг Элчин сайд Дагвын Цахилгаан гуай хэл­сэн юм. Түүнийг энд шигтгэе.
Мөн­хөө арслан амьд­ралынхаа сүү­лийн жилүүдэд хотод аж төрдөг байжээ. Тэгээд л
жилийн жилд цагаан сарын барилдаанд ёс юм шиг зодоглодог байж. Хүмүүс “Мөн­хөө гуай
энэ жилээс болих юм биш үү. Хөгширсөн хойноо шалны алчуур болж гүйцлээ” гэх утгатай
үг цухуйлгахуйд хариуд нь ингэж хэлсэн байгаа юм. “Би хаа хол Говь-Алтай аймгийн
Халиун суманд суугаа хөгшин ижийдээ сар шинээр очиж золгож чадахгүй. Тийм боло­хоор
амьд мэнд сайн яваагаа араажаваар дуулгах гэж л зодог­лодог юм даа” гэж хэлээд олны
амыг тагласан гэх. Мөн айхтар үг шүү.

Наян зургаан он. Д.Цэрэн­тогтох аварга түрүүлж, М.Мөнгөн арслан үзүүрлэсэн
юм. Их шөвгийн дөрөвт хөдөлмөрийн баатар, дар­хан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
улсын начин цолтой үлдэж байж. Тэрээр Жамцын Бор, Зэвэ­гийн Дүвчин зэрэг аваргуудын
зүрхэнд шар ус хуруулдаг хүчтэ­нүүдийг дөрөв, тавын даваануудад тунаж орхисон байдаг.
Өнгөрөгч хоёр жил дараалан түрүүлсэн Хадаа 
аварга маань Ч.Гочоосүрэн заанд гурвын даваанд унаж олон түмнээ гомдоосон
бол тэр жилийн­хээ наадамд арван жилийн зайтай хоёр дахиа түрүүлж, Монгол Улсын
аварга цол хүртсэн билээ. Дасран­гийн Мягмар заанд Өвөрхангайн Эрдэнэбат хэмээх
өндөр залууд хоёрын даваанд тахимаа өгсөн нь хожмын заан Дашзэвэгийн Эр­дэнэбат
байжээ. Жараад оны дунд үед цалгиатайхан барилдаж байсан “өмсдөг” хэмээх Цанлигийн
Дамдиндорж заан тэр жил зодог­лож нэгийн даваанд унасан бай­даг. Сонин болгож өгүүлэхүйд,
гурвын давааны төгсгөлд Р.Даваа­ням заан начин цолтой байхдаа гурван бөхөөс ам сонсчээ.
Тэд нь Б.Бат-Эрдэнэ (одоогийн аварга), Ж.Бор(харцага), С.Эрхэмбаяр нарын начингууд
байсан гэнэ. Тэгээд Борыг амлаж барилдаад яалт ч үгүй тахимаа өгсөн дуулддаг.

Наян долоон он. Одвоогийн Балжинням аварга начин цолтой­доо түрүүлж шуугиан
дэгдээсэн. Тэрээр С.Эрхэмбаяр, Р.Давааням, Д.Баяраа, Ө.Тулгаа нартай гурвын даваанаас
аваад л тунасан байна. Тунасан бүгдээ орхисоор түрүү үзүүрт Д.Цэрэнтогтох аваргыг
дав­жээ. Ерэн нэгэн онд том Сүхбат гарьдыг давж түрүүлчихээд шидсэн чулуу шиг тугийн
мандал руу гүй­сэн шигээ Цэрэнтогтох аваргыг давчихаад ихэд баярлаж догдолж байсан
билээ. Тэр жилийн цагаан сараас луу жилтнүүдийн үе эхэлсэн гэхэд болно. Ухаандаа,
Дүгэр­жавын Хишигдорж заан залуу бөх зодоглож Дүвчин, Мягмар нарын хүчтэнүүдийг
гурав, дөрвийн да­ваанд орхиж байлаа даа. Агвааны Тэгшээ агсан Ундрав Пүрэв заан,
С.Цэрэн аварга хоёрыг нэг, хоёрын даваанд тэнгэр харуулчихсан бай­даг шүү.

Энэ мэт сар шинийн барил­дааны жил
жилийн түүх цааш үргэлжлэх юм аа. Дараагийн дугаараас Б.Бат-Эрдэнэ аваргын он жилүүд
эхэлнэ дээ.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

ЦАГААН САРЫН БАРИЛДААНЫ жил жилийн түүхээс

Зураг дээр зүүн гараас Ц.Гомбодорж заан, Ө.Эрдэнэ-Очир арслан, Т.Зундуй заан нар. 1960-аад оны дундуур

Далан нэгэн он. Ардын хувьс­галын түүхт тавин жилийн ойн наадмын өнгийг
тодорхойлсон барилдаан. Тухайн жилийн цагаан сарын гол шуугиан тавин жилийн ойд
хэн түрүүлэх бол, тэр бөх өнгөлнө дөө гэсэн таамаг байсан нь мэдээж. “Ойн одтой
бөх л тү­рүүлдэг юм даа” гэх олны яриа ч амнаас ам дамжсан нь тодорхой. Түүнийг
нь бататгах гэсэн мэт Сэрээтэрийн Цэрэн аварга тэр жилийн цагаан сарын барилдаанд
түрүүлж олон түмнийг шуугиулаад авсан. Цэрэн аварга дөчин жилийн ойгоор буюу
1961 онд төрийн их наадамд Дарийн Дамдин аваргыг орхин түрүүлж, таван жил босоо
явсан амжилтыг нь зогсоож байсан түүхтэй билээ. Тэгээд начин цол­ноос аварга цолыг
шууд хүртсэн байдаг. Цэрэн аварга түрүү үзүүрт Дамдин аваргатай үлдчихээд бай­хуйд
Спортын төв ордонд цугласан олон, эх орныхоо өнцөг булан бүрт “араажав”-аа чагнан
суусан бүхэн “ойн одтойгоороо Цэрэн түрүүлнэ дээ” гэцгээж байжээ. Үнэхээр мон­гол
бөхийн гучин хоёр шинжийн гучин нэгийг нь хадгалж төрсөн, даншгийн ах дүү алдарт
аваргууд болох Ш.Намхай, Ш.Лувсанжамбаа нарын уугуул нутаг Булганы Сай­ханаас тодорсон
даян аварга гарцаа байхгүй түрүүлсэн байдаг. Харин тэр жилийнхээ өндөр ойд түрүүлж
чадалгүй Хорлоогийн Баянмөнх аваргад унаснаар үзүүр булаасан билээ. Гэхдээ л ойн
одтой бөх гэдгээ баталсан түүхтэй.

Далан нэгэн оны сар шинийн барилдааны
их шөвөгт Монгол Улсын арслан Лувсанчимэдийн Сосорбарам, Жамбалын Хайдав нар шалгарсан
удаатай. Хайдав арслан тэгэхэд начин цолтой бай­сан бөгөөд тэр жилийнхээ наадамд
долоо давж шөвгөрснөөр улсын арслан цол хүртсэн юм. Тус барил­даанаас зарим нэгийг
нь онцолъё л доо. Тухайлбал, Ар­хангай айм­гийн Хотонт сумын харьяат улсын заан
Ч.Адъяа хоё­рын даваанд залуу бөх Должин­гийн Адъяа­төмөртэй оноолт таарч унасан
байдаг. Д.Адъяатөмөр начинг бөх сонирхогч олон сайн мэднэ. Өнд­рөөрөө Оргилболдтой
ойрхон очих тэрээр дал, наяад онд хоёр Мөн­хийн бэлтгэл хангагч байсан. Мань хүн
далан оны ца­гаан сарын ба­рилдаанд улсын зааныг хоёрын даваанд өвдөглүүлэн шуугиулж
байсан бол бүр наян есөн онд тавь шахсан насандаа начин цолны босго алхаж байв шүү.
Жамбалын Хай­дав арслан, Донровын Долгор­сүрэн заан нар начин цолтой, Дамдин­гийн
Галдандагва, Дами­рангийн Баатаржав нартай гурвын даваа­ны төгсгөлд тунацгааж жин­хэнэ
гал авалцсан барилдаанууд үзүүлсэн байдаг. Дөрвийн даваанд Хайдав, Долгорсүрэн хоёр
мөн л тунаж байх жишээний.

Далан хоёр он. Х.Баянмөнх аварга түрүүлж, Говь-Алтай айм­гийн Хөхморьт
сумын харьяат улсын заан Ундрахын Пүрэв үзүүр­лэсэн жил. У.Пүрэв заан ирээдүйн алдарт
аварга Дашдоржийн Цэ­рэнтогтохыг начин цолтой байхад нь гурвын даваанд, Л.Сосорбарам,
П.Дагвасүрэн нарын хүчит арс­лангуудыг дөрөв, тавын даваанд, Д.Дамдин аваргыг зургаагийн
да­ваанд давж ир, бяраар илүүрхэн үзүүрт шалгарсан юм. Идэрхэн заан Пүрэвийгээ тийнхүү
шуугиу­лахад Алтайнхан мөн чиг их баярла­сан даа. Ялангуяа Соёлын гавьяат зүтгэлтэн
Рэгжийбуугийн Нямдорж, утга зохиолын доктор, цаст Алтайн оргилууд шигээ л дүнхийж
байдаг Үржингийн Хү­рэлбаатар нарын бөхийнхөө тө­лөө нэгэн үзүүрт сэтгэлтэй явдаг
эрхмүүд ихэд хөөрсөн биз. Мэдээж тэр хоёр их л залуу байсан даа. Тэднээс дутахааргүй
баярласан нэгэн бол Соёлын гавьяат зүт­гэлтэн, Элчин сайд Дагвын Ца­хилгаан гуай.
Хөхморьт гэхээр л хоёр нүднийх нь нулимс сул асгаад ирдэг алдар суу, авьяас билгийн
тэнгэр болсон хийморьтой эр дөр­вөн уулын дунд багтахааргүй л баярласан байж таараа.
Тэрээр гурван жилийн өмнө манай сонины “Эх орон сумаас эхэлнэ” буланд “Элст манхан
нутгаа ингэтлээ юун­даа санана вэ” хэмээн Хөхморь­тынхоо тухай бичихдээ Пүрэв заанаа
хэрхэн тодотгож өгснийг тодхон санаж байна.

Тэрхүү барилдааны гурвын даваанд Дасрангийн
Мягмар заан начин цолтойдоо, Төмөрийн Артаг начинг залуу бөх байхад нь туна­сан
байдаг шүү. Хоёулаа л ирлэсэн тонгорог шиг байж дээ. Одоогийн­хоор бол Ч.Санжаадамба,
Ц.Сод­номдорж, Ө.Даваабаатар нар шиг л байж. Үй зайгүй найзууд болох Д.Долгорсүрэн,
Ч.Лундаа нар дөр­вийн даваанд тунасан байдаг. Энэхэн зуурт шигтгээ бол­гохуйд, Чимэдийн
Лундаа начинг үе тэн­гийн бөхчүүд нь заанаар тогто­хооргүй хүчтэн байсан даа хэмээн
харамсан өгүүлдэг юм. Тэрээр бие галбир, хувь хүний зан ааш, зүс царай, хүч тэнхээгээрээ
үнэндээ гойд нэгэн байжээ. Даанч залуугаа­раа өнгөрсөн байдаг. Түү­нийг анх гарч
ирэхэд, хоёр Мөн­хийн залгамж халаа ч гэж яригдаж байсан удаа­тай.

Далан гурван он. Жигжидийн Мөнхбат аварга дөрөв дэхээ тү­рүүлж, Жамбалын
Хайдав арслан үзүүрлэсэн жил. С.Цэрэн аварга, Далайн Жамц арслан нар их шө­вөгт
шалгарсан байдаг. Тус барил­дааны хоёрын даваанд Хэнтий аймгийн харьяат улсын заан
Дам­динсүрэнгийн Барамсай Архан­гайн Х.Галиндэвт, Бин­дэръяа­гийн Батхуяг начин,
Чимэ­дийн Гочоо­сүрэн зааныг залуу бөх байхад нь тус тус тахимаа өгсөн. Сонирхуу­лахад,
Барамсай зааныг Б.Бат-Эрдэнэ аваргын хадам аав гэдэг байх шүү. Өмнөх жилийнх нь
үзүүр бөх У.Пүрэв заан гурвын даваанд аймгийн арслан Дондо­вын Нан­салд тахимаа
өгсөн бай­даг. Жа­раад оны дунд үе далаад оны эхээр хэдэн “галзуу амьтад” хө­дөөнөөс
очиж хүч үздэг байсан гэх. Булганы Д.Нансал, “задгай шар” Лхагвадорж, Ц.Волоож,
Зав­ханы С.Юнрэн,  Мөөеө аваргыг ид байх үед
өвдөглүүлж байсан Өм­нөго­вийн Манлайжав, Төв аймгийн Жанчивравдан нар. Дэндүү ааг
омогтойгоосоо болж тэд улсын цолгүй үлдсэнийг үеийнх нь бөх­чүүд дурсдаг юм аа.   

Далан дөрвөн он. Хоёр Мөнх аанай л үлдэж Хорлоогийн хөвүүн дөрөв дэхээ
түрүүлсэн түүхтэй. Мядагийн Мөнгөн, Пүрэвийн Даг­васүрэн нарын арслангууд их шөвөгт
шалгарсан юм. Тэрхүү наадмын шуугианы нэгэн эзэн нь Төв аймгийн Угтаалцайдам сумын
харьяат, халхын алдарт бөх Дагва­цэрэнгийн Хадбаатар байлаа. Тэрээр гурвын даваанд
Увсын Төмөрийн Артаг начинтай тунаж, барагтай л бөхөд тахимаа өгөх дургүй ааг омогтой
хүдэр эрийг бяр хүчний илүүгээр давсныг санах нэг нь санаж байгаа даа. Тэр цагаас
хойших цагаан сарын барилдаан Хадаатай эхэлсэн дээ. Т.Артаг начныг өвдөглүүлсэн
Хадаа хүү дараагийн даваанд Өлзийсайханы Эрдэнэ-Очир арсланд яалт ч үгүй унасан
гэдэг шүү. Д.Баатаржав М.Мөнгөн, Д.Галдандагва Говь-Алтайн Дүгэрийн Цэрэндаш, Д.Дол­горсүрэн,
Баянхонгорын Гандолгорын Батсүх нар гурвын давааны сүүл рүү хоорондоо үзэж бөх сонирхогч
олныг суудлаас нь өндөлзүүлж байжээ.

Далан таван он. Хоёр Мөнх мөн л үлддэгээрээ үлдэж Хорлоо­гийн хөвүүн тав
дахиа түрүүлсэн байна. Харин их шөвөгт дархан аварга Д.Цэрэнтогтох начин цол­тойдоо,
Ө.Эрдэнэ-Очир арслан­гийн хамт шалгарчээ. Д.Цэрэн­тогтох аварга Увсын Баатаржав
начин, Говь-Алтайн Д.Цэрэндаш начин, Булганы Д.Лхагвасүрэн заан нартай дараалан
тунаж ба­рилдан давсан байна. Ийнхүү монгол бөхийн түүхэнд Дашдор­жийн Цэрэнтогтох,
Дагвацэрэнгийн Хадбаатар нарын аваргуудын үе эхэлсэн нь тэр ээ. Дорнод нутгаа­саа
үе үе ирж барилддаг байсан Д.Түвшин заан тэр жилийн цагаан сараар зодоглож гурвын
даваанд Архангайн Дамбын Шижээ начинд унасан бол, ард олны хүсэн хүлээ­дэг бөх
“цахилгаан” Мөнхөө арс­лан Алтайгаас ирж барилдан хоё­рын даваанд Хөвсгөлийн Базар­раднаа
гэдэг залууд тахимаа өгсөн байдаг.

Далан зургаан он. Ж.Мөнхбат аварга тав дахиа түрүүлж, Л.Сосор­барам арслан
үзүүрлэсэн. Үндсэн­дээ Төв аймгийн хоёр хүчтэн тэр жилийн цагаан сараар үлдсэн байгаа
юм. 160 бөх зодоглосон учир зургаа, долоогийн даваанд бөх сондгойрсон байна. Цолныхоо
эрэмбээр Мөөеө аварга зургаад, Со арслан долоогийн даваанд гоц мөргөжээ. Ховд аймгийн
Буянт сумын харьяат Монгол Улсын заан Дасрангийн Мягмар Ёндонгийн Ишгэнээр дөрөв,
Дүгэрийн Цэрэн­дашаар тав, Жамбалын Хайда­ваар зургаа давж их шөвгийн гу­равт Мөөеө
аваргатай хүч үзсэн байдаг.

Төв аймгийн бөхчүүд түрүү зүүр булаалдсан
наадамд тус нутгийн хүчтэнүүд доогуур даваанд ч сайн барилдсан байна. Тухайлбал,
олноо “Бүрэнгийн бүдүүн гуят” хэмээн алдаршсан Мөнхийн Загдсүрэн начин Д.Барамсай
заан, С.Цэрэн аварга нарыг гурав, дөр­вийн даваанд өвдөглүүлж Мөөеө аваргад тавын
даваанд унасан байдаг. Тэрээр наян хоёр онд Д.Дамдин аваргаар тав давж улсын цолны
босго алхсан билээ.

Далан долоон он.  Хорлоогийн
Баянмөнх аварга түрүүлж, Пүрэ­вийн Дагвасүрэн арслан үзүүрлэ­сэн. Тэр хоёр улсын
наадмын үзүүр түрүүнд хоёр ч удаа үлдсэн байдаг шүү. “Баянаа бид хоёр залуудаа нэг
гэрт амьдардаг байв. Түүнтэй төрийн наадамд хоёр ч удаа үлд­сэн юм. Сүүлийн удаад
нь өгчих болов уу гэж горьдож байлаа. Гэвч Баянаа яс үзсэн. Аварга гэдэг үнэхээр
аваргаараа л төрдөг юм билээ. Би бол арслан болохоор заяагдсан хүн дээ” гэж Дагвасүрэн
гуай хуучилдаг юм. Далан долоон оны баярын их шөвөгт Ж.Мөнхбат, Д.Хадбаатар нарын
аваргууд үлд­жээ. Баянаа Хадаа хоёр тунаж барилдсан байна. Хатуухан учраа Хадааг
давчихаад Баянаа аварга “Энэ хүнийг ч барахааргүй болж байгаа юм байна даа” хэмээн
өөрийн эрхгүй дуу алдаж байсан гэдэг шүү.

Улсын наадамд тоотой ирж барилдсан
Дундговийн “харлаг” хэмээх Дамдиндоржийн Жавзмаа начин тэр жилийн сар шинийн барилдаанд
зодоглон Увсын Баа­таржаваар гурав давсан байдаг. Олон түмнээ “Чапаев” хэмээн ал­даршсан
Нэмэхийн Дашзэвэг на­чин нас ахисан хойноо зодоглож улаан нөмрөгтэй гарч байсныг
мэдэх хүмүүс нь хэлдэг юм.

Далан найман он. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Дашдоржийн
Цэрэнтогтох аварга анх удаагаа түрүүлсэн жил. Үзүүрт нь Ж.Мөнхбат аварга үл­дэж,
их шөвөгт Х.Баянмөнх аварга, Д.Долгорсүрэн заан нар шалгар­сан байна.

Д.Цэрэнтогтох аварга тэр жилийнхээ
наадамд мөн л анх удаагаа түрүү магнай болж улсын арслан цол хүртэж байсан билээ.
Тухайн барилдааны зарим нэг онцлогоос дурдъя л даа. Өмнийн говийн О.Пүрэв начин
гурвын даваанд Жамцын Даваажав гавьяатад унасан байдаг. Олимпийн мөнгөн медальт
нэрт бөх Даваажав улсын цолонд хүрээ­гүй байсан үе л дээ. Гурвын даваа­ны сүүлд
Ё.Ишгэн Д.Жавзмаатай, Д.Цэнд-Аюуш Г.Жалаатай, З.Дүв­чин Цэвээнжавын Ванчигцэрэнтэй
тус тус хүч үзсэн байна. Тэдний хооронд ямархан барилдаанууд өрнөсөн нь тодорхой.
Цэнд-Аюуш, Ишгэн, Дүвчин нарын заанууд дөнгөж начин цолтой байв. Ма­найхны хэлдгээр
ирлэсэн тонгорог шиг л байсан болов уу.

Далан есөн он. Хорлоогийн Баянмөнх аварга түрүүлж, Д.Цэрэнтогтох аварга
үзүүрлэв. Л.Сосорбарам, П.Дагвасүрэн нарын арслангууд шөвгөрчээ. Тэр жилийн цагаан
сарын өнгө нь Ховд аймгийн Алтай сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин Адуучийн
Баатархүү байв. Тэрээр уран гараат начин Завханы Г.Бат­тогтохоор гурав, Гандолгорын
Батсүх начингаар дөрөв давж Д.Цэрэнтогтох аваргад унасан байдаг. Мөн тэр жилээ улсын
цо­лонд хүрсэн байх шүү. Дэндэвийн Амгаа заан Зэвэгийн Дүвчинтэй, Дамбажавын Цэнд-Аюуш
заан Рэгжийбуугийн Даваанямтай гур­вын давааны төгсгөлд хүч үзсэн байна. Үндсэндээ
дөрвөн заан хоорондоо тулсан байгаа юм. Наяад оны эхэн бол яалт ч үгүй л тэдний
үе. Дээр нь Дамдингийн Баяраа гарьд, Шагдарын Чанрав, Однойн Бахыт, Содномын Эрхэм­баяр,
Жанцангийн Чулуун хүчтэй начингууд шуугиулж явсан он жилүүд билээ.

Наян он. Дагвацэрэнгийн Хад­баатар аварга манлайлж айл хотол, улс
даяараа магнайгаа тэнийтэл баярласан жил. Хадаа аваргыг түрүүлнэ хэмээн өмнөх жилүүдийн
сар шинээр олон түмэн хүлээж байсан. Тэрээр үзүүр тү­рүүнд Донровын Долгорсүрэн
заантай үлдэн монгол гутлыг нь сугартал дүүгүүрдэж хаячихаад яваад өгсөн гэдэг.
Идэр залуу хүчтэний бяр тэнхээг хүн бүр шаг­шиж байсан гэх.

“Угтаалын зон олны сэтгэл, Хүүлэй
хаан уул нь түшлээ дээ” хэмээн Хадаа аваргыг мэдэх ойр дотнынхон нь хэлж байсан
дуулд­даг. Мөн “Алдар”-ын тамирчид Хадаагийнхаа түрүүг дүүрэн баяр­тайгаар тэмдэглэж
байсныг мөн л мэдэх нэг нь хэлдэг юм. Тэр жил хоёр Мөнх шөвгөрсөн байна. Бөх­чүүд,
бөх сонирхогчдын хэлдгээр цоорч барилдсан хүчтэнүүдийн нэгэн Баян-Өлгий аймгийн
Цэнгэл сумын харьяат Однойн Бахыт харцага. Казах түмний төлөөлөл болсон тэрхүү хүчтэн
Ч.Амар­түвшин, Д.Амгаа, Ё.Ишгэн нарын заануудыг дараалуулан орхин дунд шөвөгт шалгарч
Баянаа авар­гад унасан байдаг аа. Увсын Дов­чингийн Нэгдэл начин тэр жил мөн л сайн
барилдан бага шөвөгт үлдэж байжээ.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Эздийг нь Их хуралд сонгоогүй гээд архи ууж, тамхи татахаа болих уу даа, хүмүүс

Их хурлын эрхэм гишүүн Х.Бат­тулга
“Архи, тамхи, согтууруулах, мансууруулах бодис үйлдвэрлэдэг, мансууруулах бодистой
холбоотой гэмт хэрэгт холбогдож байсан этгээдүүдийн УИХ-д нэр дэвших эрхийг хязгаарлах
тухай” хуулийн төслөө дахиад гурав дахь удаагаа өргөн барихаар болсон тухай мэдээлэл
байна. Тэрбээр уг хуу­лийн төслийн талаарх санал бод­лыг нь сонсохоор Засгийн газарт
хүргүүлээд байгаа гэнэ. Хэдхэн хоногийн өмнө ангийн нөхдөдөө хандаж, төслийг дэмжин
хамтдаа өргөн барих хүсэлт илгээсэн. Түүнд нь З.Энхболд, Р.Амаржаргал, Г.Баяр­­сайхан,
Б.Бат-Эрдэнэ, Д.Ган­­­хуяг, О.Чулуунбат, С.Эрдэнэ нарын арван гишүүн дэмжиж хариу
ирүүлснийг бид мэдэж байгаа.

Уг хуулийн төслийг “Женко” Баттулга
бүр эрт өргөн барьсан. Гэвч байнгын хорооны хуралдаа­нуу­дад дэмжлэг авалгүй хэдэн
ч удаа унав даа. Тиймийн учир Сонгуулийн хуульд оруулж амжаа­гүй. Мань хүн болохоор
энэ удаа­гийн сонгуулиар хэрэгжүүлж ам­жих­гүй ч Их хурлын дараагийн ээлжит сонгуулиас
өмнө мөрдөж болох юм гэж хууль санаачлаг­чийнхаа хувьд үзэж буйгаа гишүү­дэд дуулгаад
авсан. Гэвч түүний Сонгуулийн хуулийн төсөлд оруу­лахаар улайран зүтгэсэн архи,
тамхины үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх гэсэн саналаас логикийн
алдаатай зүйл анзаарагдаад байгаа юм. Учир юу вэ гэвэл, эрхэм гишүүний өргөн барьсан
дээрх хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна хэмээн Э.Бат-Үүл гишүүн
Төрийн байгуулалтын байн­гын хорооны хуралдаан дээр хэлээд бут ниргэж орхисон. Тод­руулбал,
“Монгол Улсын Үндсэн хуульд сонгох, сонгогдох эрхийг хуульчлан баталгаажуулсан.
Өөрөөр хэлбэл, монгол хүн бүр сонгох, сонгогдох заяамал эрхтэй. Гэтэл энэхүү заяамал
эрхэд халдах нь Үндсэн хуулийг уландаа гиш­гэсэн явдал” гэж ирээд л Э.Бат-Үүл гишүүн
авч өгсөн билээ. Тэр нь ч үнэн юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр байгаа.

Мөн тэрээр “Женко”-гийн сана­лыг бизнесийн
өрсөлдөөн гэж харж байгаагаа, парламент аливаа иргэний сонгох, сонгогдох эрхэд халдсан
шийдвэр гаргаад эхэлбэл дараа дараагийн удаа хэн нэгэн хүн нөгөөгийнхөө эрхийг хязгаар­лах
гээд туйлшрах магадлалтайг, тэр ч бүү хэл монгол хүний өмч рүү халддаг байдал үүсэх
вий гэсэн болгоомжлолыг хэлсэн. Бат-Үүл баатрын маань ингэж хэлэх нь үнэхээр зөв
дөө хэмээн дэмжиж байсан боловч бас нэг эргэлзээтэй юм яриад явчихлаар бүүр толгой
эргээд байх юм. Тэрээр Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн
най­руулгын төсөл, Монгол Улсын Ерөнхий­лөгчөөс өргөн мэдүүлсэн Хэвлэл, мэдээллийн
эрх чөлөөний тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр хэвлэл, мэдээллийн эздийг Их
хуралд оруулахгүй байвал таарах юм гэж хэлээд байсан. Тэр үгийг нь сонсоод бүр гайхаж
хоцорсон шүү. Архи, тамхины үйлдвэрлэл эрхэл­дэг хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх,
хэвлэл мэдээллийн эздийг Их хуралд суулгахгүй байх хоёрын дунд ямар ялгаа байна
аа, эрхэм Монгол Улсын бааар минь гэж. Мөн л ажил төрлөөр нь ялгаварлан гадуурхсан,
тэр нь тэгээд Үндсэн хууль зөрчсөн болоод явчихгүй юу. Өөрийн чинь яриад байсан
“туйлш­рах, эрхийг нь хязгаарлах” гээч чинь энэ мөн биз. За энэ ч яахав. Гол юм
биш. “Женко”-гийн өнөө асуудалд эргэн оръё. Өнөө асуудал гэдэг нь Их хурлын цөөн
хэдэн гишүүдээсээ туслалцаа авч байж Засгийн газарт гурван ч удаа нүүрээ улалзуулан
байж санаа хүргүүлээд байгаа архи, тамхины эздийг УИХ-д дэв­шүүлэхгүй гэсэн хуулийн
төсөл л дөө. Түүнийг нь нарийвчилж үзээд, ухаалгаар бодоод цаад углуургаар нь аваад
үзэхээр бас л логикийн хувьд утгын алдаатай зүйл хараг­даад байгаа юм. Наад захын
жи­шээ татахуйд, архи, тамхины үйлд­вэрлэл эрхэлдэг эздийг Их хуралд дэвшүүлэхгүй,
парламентын тан­химд үзэгдэхээ больчихвол ард түмэн архи, тамхи хэрэглэхээ болих
уу. Жишээлбэл, шинэхэн сайд Ц.Дашдорж Их хурлын гишүүнээ болиход Монголын ард түмэн
нийтээрээ тамхинаас гарах уу. Гаваагийн Батхүүг дахин сонгог­доо­гүй нөхцөлд хүн
бүхэн “АПУ”-гийн архийг, ерөөс архи гээч зүй­лээс ор тас татгалзах уу. Эздийг нь
их хуралд сонгоогүй юм. Одоо бид  архи ууж
тамхи татахаа болино гэцгээх үү.  Үгүй л байхгүй
юу. Ёстой лөөлөө л биз дээ.

Ер нь ч тэгээд архи, тамхины эзэд
Их хуралд суусан ч яалаа, байсан ч яалаа. Тэгэхээр таны санаачлан зүтгүүлээд байгаа
хуу­лийн төсөл тийм ч ач холбогдолтой зүйл биш байгаа биз дээ, эрхэм гишүүн минь.
“Ашиг сонирхлын үүднээс биш ажил хэрэгчээр асуу­далд хандаж бай” гэж ангийн тань
нөхдийн хэлээд байгаа бас чиг оргүй үг биш юм шүү.

Архи, тамхи хортой юу гэвэл хортой.
Асар их хортой. Зөвхөн хувь хүнийг биш, гэр бүл, албан байгууллагыг бус улс гүрнийг
тэр чигээр нь мөхөөх аюултай. Архины хор хөнөөлийн талаар бид хичнээн жил ярив даа.
Хий хоосон ярьж өөрсдийгөө хуураад ямар ч амжил­тад хүрдэггүйг, ямар ч үр дүн гар­даггүйг
өнгөрөгч он жилүүд бидэнд бэлээхэн гэрчлээд өгсөн. Архины хор уршгийг мэргэжлийн
хүрээнд судалсан хүмүүсийн судалгаа олон байдаг. Тэр бүгдээс зарим нэгийг нь ишлэл
болгоё. Өнөөдрийг хүр­тэл зарим хүмүүс бага зэрэг архи уувал эрүүл мэндэд тустай
гэж үздэг байсан. Энэ нь харин ч эсрэгээрээ байж, архи хүний биед ямар ч сайн нөлөөгүй
болохыг эрдэмтэд тогтоожээ. Улаан дарс цус төлжүүлдэг,  зүрх судсанд сайн хэмээн мэргэжлийн хүмүүс хэлдэг
ч, бас л худлаа ажээ. Шинэ Зеландын Аукландын их сургуу­лийн судлаач Род Жексон
дусал архи ч хүний биед хичнээн муу нөлөөтэй болохыг судалгаагаар тогтоосон байна.
Автомашины осол, гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн доройтол, боловсролын уналт, хүн
амины хэрэг гэх асууд­луудын ард ерөөсөө архи л байдаг. Энэ бүгдийг бид мэдсээр
байж нийгмээрээ автсаар л байгаа. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч архидалтын эсрэг
тэмцэж, шинэ оны босгон дээр сүү өргөх болсон нь ард иргэдийн сэтгэл санаанд ихээхэн
нөлөөлж, нийгмийн хавт­гайр­сан архидалт хамжааргатай болох эх үндэс тавигдсан гэж
болно.

Тэгвэл яах ёстой юм бэ. Ерөө­сөө л
архи, тамхийг дотооддоо үйлдвэрлэж, борлуулж, хэрэглэ­хийг хориглосон хуультай болъё
оо.  Энэ хуулийг Их хуралд даруйхан өргөн
барих тэгээд батлан гаргах  хэрэгтэй. Арабын
орнууд архигүй болоод л байна. Хөгжил дэвшлээ­рээ дэлхийд тэргүүлж эхлэх янзтай.
Архигүй ард түмэн бол ухаалаг байдаг. Аливааг жинхэнэ хүний ёсоор шийддэг. Монголчууд
бид өнөөдөр архины халуун солио­ролд автан адгууслаг шинжээр амьдарч байна шүү дээ.
Хэрвээ архи, тамхийг бүрмөсөн хоригло­сон хууль гаргавал эрхэм гишүүн Х.Баттулга
таны дэвшүүлээд бай­гаа санаа ч бүтэх юм шиг байна. Өнөөдөр үүнээс өөр гаргалгаа
алга. Архийг дотооддоо үйлдвэр­лэхгүй, хил гаалиар оруулахыг хориглоход янз бүрийн
асуудал гарах нь мэдээж. Өнөө архичид    болон
хүмүүс  архины оронд  элдэв төрлийн 
хор уугаад үхнэ гэж  сүйд болцгоодог.
Тэр бол төр засаг цочирдоод байхаар нэг их сүйдтэй юм биш. Эрүүл мэндэд хортой,
бие организмд болохгүй гэсэн зүйлийг хэрэглээд үхвэл өөрсдийнх нь хохь болно.  Яагаад хохь гэж байна вэ гэхээр архи уухгүй байж
тэсэхгүй нөхдүүд л ийм юм ууна биз дээ. Тэд тэгвэл архитай байсан ч түүндээ шартаад
үхнэ, архи үгүй байсан ч элдэв мансуурах юм уугаад үхнэ, чанарын ялгаа байна уу.
Харин архитай байвал ингэж үхэх хүмүүс хэзээ ч дуусахгүй. Тэд архиа уусаар, мөн
түүндээ хордож үхсээр байх болно. Архийг хоригловол нэг удаа үхээд л араас нь залгаад
үхэх хүн байхгүй болно. Мөн архины дамын наймаа галзуурна гэцгээдэг.  Америкийн хориод оны хуурай хуулийг мэднэ биз
дээ хэмээн мэдэмхийрцгээдэг. Хэнийг ч ялгаа­гүй архи зарсан л байвал, хилээр оруулж
ирсэн л байвал зүгээр л тав юм уу, арван жилээр алагчлалгүй шийтгээд байя л даа.
Арван жил шоронд хатах уу, архиа шаглаад зогсож баймаар байна уу өөрсдөө шийдэг.
Шоронгийнхноо нөгөө төмөр зам гэх мэт ажилд дайчлах­гүй юу. Ард түмнээ ингэж л архи­наас
салгахгүй юм бол Монгол Улс чимээгүйхэн мөхөл рүүгээ явах нь байна шүү. Архийг оюутан
залуу­чууд бус бүр нялх хүүхдүүд уудаг болсон. Мөн бүх ядуучууд, дунд давхаргынхан
ууцгаадаг. Харин бидэнд архи үйлдвэрлэн өгдөг, гадаадаас оруулж ирдэг том га­рууд,
бидний олигархи гээд үзэж чадахгүй байгаа баячууд  бол огт амсдаггүй.  Өөрсдөө уудаггүй мөрт­лөө биднийг болохоор өдөр
шөнө­гүй уухыг уриалаад байгаа нь хайртай учраас тэр гэж бодож байна уу.  Харин жирийн иргэд бол сурагчийн цүнх үүрч эхлэв
үү, үгүй юу архинд орж байна. Энэ чинь юу гэсэн үг вэ. Тиймээс архи, тамхийг хориглосон
хуулиа нэн даруй баталъя. Ийм хууль баталсан парламент Монголын түүхэнд үлдэнэ шүү.
Түүхэнд үлдэх нь гол биш л дээ. Гэхдээ л ард иргэдээ архинаас салгана гэдэг чинь
ямар сайхан бэ. Халтмаагийн Баттулга гишүүн минь ээ, архи, тамхины эздийг Их хуралд
суулгахгүй гэж явцуурахын оронд тэдгээр хорыг ор тас хориглосон хуулийг ангийнх­наараа
батлуулаад өгвөл илүү үр дүнтэй биш үү . Тэгвэл та Монголын түүхэнд мөн чиг гавьяатайгаар
үлдэнэ дээ. Үүнийг л танд хэлэх байна.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Дашийн БЯМБАСҮРЭН: Монгол үндэстнээ эх орондоо ирэхийг уриалсан Ерөнхийлөгчийн үг баяр бахдал төрүүлж байна

Монгол Улсын Ерөн­хий сайд асан
Дашийн Бямбасүрэнтэй ярилц­лаа.

-Монгол Улсын Ерөн­хийлөгч Цахиагийн
Элбэгдорж Үндэсний эрх чөлөөний хувьс­га­лын зуун жилийн ойн хүндэтгэлийн чуулганд
хэлсэн үгэндээ монгол үндэстнээ эх орондоо урьсан.  Монгол төрийн өндөр албыг үүрэлцэж явсан хүний
хувьд Ерөн­хийлөгчийн уриал­гыг хэрхэн хүлээж ав­сан бол оо. Яриагаа эндээс эхлэх
үү?

-Хүндэтгэлийн
чуул­ганд Ерөнхийлөгчийн хэл­сэн үгийг сонсоод на­дад нэг л зүйл бодогдож байлаа. Монголын тө­рийн тэргүүнүүд Их эзэн Чингэс хаанаасаа хойш ард түмэндээ хандаж ийм ухаалаг, гүн утга санааг агуулсан үг хэлсэн билүү. Улс орныхоо хувь заяа зам мөрийг харж, ард иргэдийнхээ ахуй
амьд­ралыг олон талаас нь эргэцүүлсэн
үнэхээр нэг монгол төрийн тэргүүн шиг, улс орны эзэн шиг үг хэлсэнд өвгөн би баяр­лаж сууна даа. Ерөнхий­лөгчийн хэлсэн үг
ганцхан надад баяр төрүүлээд зогсохгүй түмэн олонд их сайхан сэтгэгдэл үлдээ­лээ. Элэг нэгтнүүдээ эх орондоо дуудсан уриал­га
нь монголчуудын сэт­гэл зүрхийг
огшоолоо.

Бид чинь 1952 оноос “Дархан манай
хувьсгалт улс…” хэмээн төрийн дууллаа эхэлдэг байсан бол сүүлийн үед өөрчлөөд
“Дархан манай тусгаар улс Даяар Мон­голын ариун голомт…” хэмээн дуулж байгаа.
Монгол үндэстэн бүрэлдэн тогтож төрт улсаа бай­гуулсан гал голомт бол яах аргагүй
өнөөгийн Монгол Улс л даа. Дэл­хий дээр бид нэг их олуулаа биш. Арван сая орчим
гэж дуулддаг. Аль ч улс оронд аж төрж байгаа монгол үндэстэнд өөрийн эх оронд, өвөг
дээдсийнхээ нутагт ирж аж тө­рөхсөн гэх чинадын хүсэл байдаг нь мэдээж. Хуучин тогтолцооны
үед эх орондоо санасны зоргоор ирж чаддаггүй байсан болов уу. Өнөө­дөр монголчууд
маань ардчиллын ач буянаар дэлхий дахинд нэртэй нүүртэй явна. Тиймийн учир дэл­хийн
хаана ч аж төрж буй монгол үндэстэн олон Монгол Улс бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг
ардчилсан улс гэдгийг сайн мэдэж байгаа. 
Монголд очоод өөрийнхөө хүч хөдөлмөр, оюун ухаанаар сайхан амьдрах боломжтой
гэдгийг мэднэ. Мөн Монголын газрын баялаг олон улсын анхаарлыг ихээхэн татаж байгааг
ч тэд судалж байгаа. Яг ийм торгон цагт Монгол Улсын Ерөнхийлөгч гүн утга бүхий
үг хэлж, монгол үндэстнээ эх орон­доо урьсан нь жинхэнэ цагаа олсон явдал боллоо.
Монголчууд бол хуваагдмал үндэстэн. Гэхдээ нэг айхтар үг бий. Могой гурав тасравч
гүрвэлийн дайтай, Монгол гурав тасравч гүрний дайтай гэж. Үнэхээр ч нутаг дэвсгэрийн
хувьд гурав хуваагдсан тал бий.

1993 оны арванхоёрдугаар сард намайг
Тайваньд очиход таван зуун арван найман монгол хүн байсан.

-Та тоог нь ямар сайн санаж байна аа?

-Тэд өвөг дээдсийнхээ өлгий нутагт
очиж бие амрахсан гэнэ. Туулынхаа уснаас нэг амсаж цай чанахсан хэмээн хүсч тэмүүлж
байгаа нь өөрийн эрхгүй мэдрэгд­сэн. Тэр цагаас хойш миний бие дэлхийн хаана ч аж
төрж байгаа монголчууд маань ус нутгаа гэсэн сэтгэлээ гээгээгүй юм байна гэдгийг
гүнзгий ойлгодог болсон. Түүнээс хойш хориод жил боллоо. Монгол орон ардчиллын замаар
тууштай яваад өдий зэрэгт хүрлээ. Ерөн­хийлөгчийн уриалга нэг талаас монгол үндэстнийхээ
хэл соёлыг бүрэн бүтэн авч үлдэхэд хэрэгтэй ч цаана нь олон утга агуулга байгаа.  Жишээлбэл, гадаадад байгаа мон­голчууд дэлхийн
өндөр техно­логийг эзэмшсэн байх нь мэдээж. Тэд эх орондоо ирж Монголоо гэсэн сэтгэл
зүрхтэй ажиллахад улс орон минь улам л хөгжиж таараа. 

-Улс орны цаашдын хөгжлийг та яаж харж байна. Хүн нэм­бэл
хүнс нэмэгдэнэ гэсэн үгийг Ерөнхийлөгч иш татсан байсан?

-Элэг нэгтэн олон маань эх орондоо
ирэхэд хүн бүр өөр соёлтой, өөр технологитой өөр ертөнцтэй ирэх нь мэдээж. Ингээд
улс оронд шийдэгдээгүй байгаа асуудлыг шийдчихэж болох юм. Оюуны чадавхи, дэлхийн
соёл гэж үнэт зүйл манайд шууд нэвтэрнэ шүү дээ. Хүмүүнлэг ёс, энэрэнгүй ёс талаасаа
чухал. Монголчууд маань хил хязгаараар хэдий өөр ч элгээрээ нэг шүү дээ. Ерөнхийлөг­чийн
эл уриалга нэг өдөр хэрэгжээд өнгөрөх биш. Магадгүй зуун жил үргэлжилж байж монголчууд
маань төв рүүгээ, голомт руугаа ирж хүчээ нэгтгэх болов уу. Мэдээж төвөгтэй асуудал
гарч таарна. Гол нь хоёр хөрштэйгээ найрамдалт харил­цаагаа эвдэхгүйгээр нөхцөл
байдлаа сайтар ойлгуулах. Мөн дотооддоо үндэснийхээ эрх ашгийг хамгаалах зохион
байгуулалтаа сайтар хийж байж асуудлыг шийд­вэрлэх байх аа. Дэлхийн монгол­чуудын
анхдугаар чуулга уулзалт 1993 онд болсон юм. Социалист тогтолцооны хуучинсаг сэтгэхүй­гээр
Хувьсгалт намынхан хандаж байсан. Хоёр хөрш ч сандралдаж л байсан. Харин өнөөдөр
улс үндэстнийхээ эрх ашгийн төлөө монгол хэл, соёл гэдэг дэлхийн хүн төрөлхтний
үнэт баялгийн нэгээхэн хэсэг юм гэдэг хандлагыг ойлгодог болж.

-Энэ дашрамд нэг зүйлийг асуумаар байна. Ерөнхий­лөгчийг
монгол үндэстэндээ хандаж уриалга гаргасны дараа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч
Н.Энхбаяр “улс төрийн бодлогогүй ал­даатай үг хэллээ. Тэр олон хүн ирэхэд манайх
яаж хү­лээж авах юм. Хоёр хөршийн харилцаанд ч сайнаар нө­лөөлөхгүй” гэх утгатай
мэ­дэгдэл хийсэн байсан. Үүнд та ямар бодолтой байна вэ?

-Монголчууд эх орондоо ирэхэд аливаа
нэг улс оронд хохирол учруулалгүй, ямар нэгэн чирэгдэл бололгүйгээр ирчихэж чадна
байх аа. Зөвхөн хоёр хөршөөс монгол­чууд ирээд болчих юм биш. Дэлхийн өнцөг буланд
суугаа монгол үндэст­нүүд маань наашаагаа тэ­мүүлнэ шүү дээ. Эцэг өвгөдийнхөө нутагт
ирж хүч хөдөлмөрөө зориу­лан ажиллахыг тэд эрмэлзэж бай­гаа. Н.Энхбаяр дарга бол
монгол төрийг удирдаж явсан хүн. Аливаа зүйлд гоомой хандамгүй юм. Шууд­хан хэлэхэд,
монгол хүн, монгол төрийн тэргүүн монголчуудаа эх орондоо ирээч хэмээн уриалахад
улс төрийн алдаа гэж юу байхав. Харин түүнийг мушгин гуйвуулах гэж, улс төрийн алдаа
мэтээр бусдад ойлгуулах гэж байгаа нь өөрөө түүхэн том алдаа юм аа. 

-Монгол үндэстнээ эх орон­доо ирэхийг уриалсан төрийн тэргүүний
үгний тухайд ийм байж. Тантай нэгэнт уулз­саных өнөөгийн улс төрийн амьдрал болоод
эдийн зас­гийн тогтворгүй байдлын та­лаар асуух гэсэн юм. Өнөө­дөр Монголын эдийн
засаг маш хүнд байдалд орчихлоо. Долларын ханш галзууртлаа өсч, монгол төгрөг үнэгүйдэж
эхэлсэн. Үүнд нэртэй эдийн засагчийн хувьд, мөн Мон­голын төрийг хамгийн хүнд хэцүү
үед нуруундаа үүрч явсан хүний хувьд тайлбар өгөхгүй юу? 

-Долларын ханш хэрхэн өсч буйг өдөр
бүр, цаг минут тутамд харж сууна. Дэлхийн зах зээлд долларын ханш ч, нефтийн үнэ
ч тогтвортой л байна. Алт, зэсийн үнэ ч хэвийн байгаа. Гэтэл монгол төгрөгийн ханш
унаж цаас болж байгаа нь нэг л зүйлтэй холбоотой. Тэр нь бэлэн мөнгөний хавтгайр­сан
түгээлт. Өнгөрөгч сонгуулиар төрийн эрх барьж байсан МАХН иргэн бүрт нэг сая таван
зуун мянган төгрөг өгнө гэж амласан. Энэ бол арай хэтэрхий, бодит байдал дээр хэрэгжих
ямар ч бо­ломж­гүй амлалт байсан. Уг амлал­таа биелүүлэх гэж Ардын намын­хан улайран
зүтгэж байна. Хүн бүрт далан мянган төгрөг ч өгч үзлээ, хорин нэгэн мянгыг ч өгч
байна. Одоо бүр одонтой эхчүүдэд мөнгө өгнө ч гэх шиг. Ингэж бэлэн мөнгийг хавтгайруулсан
нь монгол төгрөгийг үнэгүйдэхэд хүргэж байгаа юм.

-Тэгэхээр бэлэн мөнгө та­раана гэдэг эрсдэлтэй байх нь
ээ?

-Тэгэлгүй яах вэ. Өнчин ядуу хүүхдүүд,
өвгөд хөшид юм уу хө­дөл­мөрийн чадваргүй хүмүүст мөнгө өгөх нэг хэрэг. Ажилтай
төрөлтэй боловсрол мэдлэгтэй, хөдөлмөрийн чадвартай хүмүүс нийгмийн олонх нь байдаг.
Тэдэнд бэлэн мөнгө тараах нь бүтээлч хөдөлмөрөөр аж төрөх сэтгэхүйг нь унтраагаад
хүний гар харах, цааш­лаад улс үндэстэн мөхөл рүүгээ явах үүд хаалга нээгдэхэд хүрнэ.
Ийм л хортой зүйл. Энэхүү хор уршгийг бид олон удаа амсаж байна даа. Хуучин хувьсгалт
нам одоогийн Ардын нам сонгууль дөхөх бүрт бэлэн мөнгө тараана, цалин хөлс, тэтгэвэр
тэтгэмжийг нэмнэ гэж хий хоосон амладаг. Түүнийг нь дагаад бараа бүтээг­дэхүүний
үнэ нэмэг­дэж, иргэдийн амьдрал улам до­ройт­дог. Ингээд үнэ хөөрөгдөж, худал амласан
мөнгөө төсөвт бүрдүүлэх ажил нь эхэлдэг дээ. Өнгөрөгч сонгуулиар бэлэн мөнгө­ний
амлалт үнэхээр хэрээс хэтэр­сэн. Үүний горыг одоо л амсаж байна. Ирэх сонгуулиар
бэлэн мөнгөний амлалт дахиад гарах юм бол ард иргэдийн амьдрал өнөөд­рийнхөөс улам
дордоно.

-Долларын ханш бүр гурван оронтой тоо руу орох боломж байгаа
болов уу?

-Дэлхийн зах зээлд долларыг евротой
харьцуулахад сүүлийн үед чангарч байгаа. Хятадын юань гэж айхтар хүчтэй валют гараад
ирлээ. Сүүлд гэхэд Лондонд юанийн арил­жааны төв нээгдэж байх жи­шээний. Юань, долларын
ханш сүүлийн үед тогтвортой байгаа. Долларт итгэх итгэл дэлхийн зах зээлд буурахгүй
байх шиг. Евротой харьцуулахад өсөөд байгаа. Энэ нь доллар байр сууриа хүчтэй хад­галах
боломжтой гэдгийг харуулж байгаа.

-Монгол төгрөгийн ханш ямар байх бол оо?

-Үүнийг төр л мэднэ шүү дээ. Өнөөдрийнх
шиг бэлэн мөнгө хавтгайруулж тараагаад байх юм бол мэдээж ханш нь унана. Эдийн засгийн
ямар ч сургуулийн оюутны сурах бичигт мөнгөний хэмжээ үйлдвэрлэсэн баялгийнхаа хэм­жээтэй
тэнцүү байна гээд заачих­сан байдаг биз дээ. Гэтэл манайх чинь үйлдвэрлэлээсээ хэд
дахин илүү мөнгөний нийлүүлэлт хийгээд байхаар ханш уналгүй яахав дээ.

-Монголбанк алдаатай бод­лого явуулаад байна  уу?

-2008 оноос хойш Монгол­банк­ны мөнгөний
бодлого, Их хурал, Засгийн газрын бодлого гурав зөрж эхэлсэн. Үндсэндээ мөнгөний
бод­лого гурван салаа болж эхэлсэн. Засгийн газар нь амлалтаа хэрэг­жүүлэх гэж мөнгө
тарааж эхэлсэн. Ямаанд ч хүртэл мөнгө өгч байсан шүү дээ. Их хурал нь бас өөр нэг
бодлого барьдаг. Монголбанк бод­логын хүүгээ нэмээд арилжааны банкуудаа улам багалзуурдаад,
боомилоод байдаг. Арилжааны банкууд нь зээл олгож чадахгүй Засгийн газрын бонд юм
уу, Мон­голбанкийг хараад байдаг. Энэ нь нэг талаас эдийн засгаа үхүүлж байна гэсэн
үг л дээ. Мөн Монголбанкны бодлогод шүүмж­лэлтэй хандах зүйл олон байна. Өнгөрсөн
жилүүдэд дэлхийн то­моохон орны банкууд бодлогын хүүгээ 00 хүртэл бууруулж  байхад манайх нэмэх замаар явсан. Энэ нь буруу
юм.

-Банк санхүүгийн тухайд товч­хондоо ийм байж. Улс төрийн
гол шуугиан Ард­чилсан нам засгаас гарсан явдал. Үүнийг та хэрхэн үзэж байгаа вэ?

-Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас
гардаг нь зөв. Харин ч оройтож гарлаа. Энэ оны төсөв батлагдахаас өмнө гарсан бол
амлалтынхаа хариуцлагыг Ардын нам ард түмнийхээ өмнө өөрөө хүлээх байсан. Тэгтэл
энэ оны төсвийг С.Баярцогт сайд өөрөө гардаж хийж өгөөд, Ардчил­сан нам түүнийг
нь хамтарч баталж өгөөд эдийн засгаа ч будлиулаад, ард иргэдээ ч сэтгэл санааг нь
үймүүлчихлээ. Үүнд би шүүмж­лэлтэй хандаж байгаа. Гэхдээ Ардчилсан намд гарахаас
өөр гарц байгаагүй. Харин хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарсны дараа улс
төрд их сонин үзэгдэл болж байна аа. Ардын нам 
Монголын төрийг албан тушаалын наймааны 
зоос шиг бодож байгаа нь харамсалтай. Монгол Улсын Ерөнийлөгч, Ардын намын
дарга Ерөнхий сайдыг хүлээж аваад хэд хэдэн зүйлийг онцгойлж хэлсэн. Тэргүүн шадар
сайдын алба хэрэг­гүй, хамтарсан засгийн үед бий болгосон улс төрийн албан ту­шаал.
Мөн Засгийн газрын танхи­мыг Их хурлын гишүүдээс сонгод­гоо болих хэрэгтэй. Их хурлаас
гадна байгаа ажлаа сайн мэддэг хүмүүсээр сайд нарыг томилъё гэсэн чиг үүрэг өгсөн.
Гэтэл Ардын намын дарга тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг Их хурлын гишүү­дээ сайд
болгох гэж зүтгүүлж байдаг. Эндээс нэг л зүйл тодорхой харагдаж байгаа юм.

-Тэр нь юу бол?

-Өнөөгийн төр засгийг удирдаж байгаа
Ардын намын нөхөд тө­рийн­хөө эсрэг болчихож. Монгол төрдөө хандах хандлага нь буруу,
маш муухай болсон байна. Мон­голын төрийг албан тушаал, най­мааны хэрэгсэл болгож
байгаа нь даанч яав даа  гэмээр харагдах юм.
Ер нь ч тэгээд өөрийн гэх үзэл бодолгүй, албан тушаал, эд хөрөн­гийн төлөө зүтгэж
яваа Ардын намынхан, өнөөгийн засгийн удирд­лагууд албан тушаалаасаа эртхэн татгалзаж
дараагийн хү­мүүстээ өгвөл яасан юм гэж бодо­ход хүртэл хүргэж байна. Ардын намынхан
Их хуралд цөөнх болоод Засгийн газрыг сөрөг талаас нь хараад сууж байвал арай нэг
ухаан суух нь дээр юм уу даа.

-Ардын намынхныг бүхэлд нь дүгнэлээ. Ерөнхий сайд Сү.Батболдын
талаар тусад нь асууя. Засгийн газрын тэргүүнийг та ажлаа хэрхэн хийж байна хэмээн
дүгнэж байгаа вэ?

-Энэ хүн бизнесмэн талаасаа сайн бизнесмэн
байж болно. Гэтэл Ерөнхий сайд улс орныхоо ажлыг бүхэлд нь хамарч байдгийн хувьд
өөр. Засгийн газрын мөрийн хөтөл­бөрийн биелэлт ямар байгааг харахад сэтгэл зовох
зүйл их байх юм аа. Ядуурал гэхэд яаж нэмэгдэж байна вэ. Гурван жилийн өмнө 32 хувьтай
байсан бол өнөөдөр 39, 40 шахам хувь­тай болоод байна. Мөн инфляцийн удаа дараагийн
өсөлт байна. Эдийн засгийн хямрал хоёр дахь удаагаа хүчтэй давтагдах өнгө аяс мэдрэгдээд
ирлээ. Энэ бүгд Засгийн газрын тэргүүнтэй холбоотой. Сү.Батболдын хувьд өмнөх Ерөн­хий
сайд С.Баярын Засгийн газрыг шууд авч ка­бинетийнхэнтэй нь ажилласан. Цаанаас нь
захиа даалгавар өгдөг, ерөөс Ерөнхий сайдын ажлыг далд удирдлагын дагуу хийгээд
байна уу гэсэн хард­лагыг төрүүлэхээр байдаг. Өнгөр­сөн дөрвөн жилийг С.Баяртай,
С.Батболдтой бүхэлд нь базаад хэлэхэд бололцоогоо л их тааруу ашигласан даа гэхээр
байна.   

-Ядуурал жилээс жилд нэ­мэг­дээд байхад эдийн засаг өндөр
хувиар өссөн гээд бай­даг нь сонин санагддаг шүү?

-Манайхан юмыг хөөсрүүлнэ гэдгийг
сайн мэдэх байх. Ухаандаа, тогооны дундуур байгаа сүүг сам­рахаар тогооны амсраас
бараг дээш гартал хөөсөрдөг. Тун удалгүй өнөө хөөс нь буучихна. Монголын эдийн засаг
өнөөдөр яг л ийм тогоотой сүүний хөөс шиг байна. Бидний бүтээж байгаа  баялаг бол яг үнэндээ манай юм биш ээ. Хя­тадын
компаниуд орж ирээд нүүрс ухаад явж байна. Бид ухсан нүхийг нь хараад ажил хийлээ,
эдийн засаг өслөө гээд сууж байх уу. Хэцүү л байна даа.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Монгол Улсын даян аварга А.Сүхбат: Мөнхбат аварга надтай хамт бэлтгэл хийж байгаа

-ГАНТОГТОХЫГОО СОНГУУЛЬД ӨРСӨЛДВӨЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД Л ДЭМЖИНЭ
ШҮҮ ДЭЭ-

Монгол Улсын гавь­яат тамирчин, даян авар­га Агваансамдан­гийн Сүхбаттай ярилц­лаа. Даян аваргатай Мон­голын ТОП-100 за­луу­гийн нэгээр шал­гарч шагналаа гардаж аваад байхад нь уулзаж цөөн хором ярилцсан юм аа.

Юуны өмнө танд Мон­голын ТОП-100 за­луугийн нэгээр шалгар­санд баяр хүргэе. Уг шагналын үнэ цэнийг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Баярлалаа. Эх орны­хоо хөгжил
дэвшлийн төлөө залуу насныхаа эрч хүч, цог хийморь, авьяас
чадвараа зориу­лан зүтгэж
буй шилдэг залуусын нэгээр шалгар­сандаа сэтгэл хангалуун байна. Энэхүү ажлыг са­наачилж зохион
явуул­сан Монголын залуу сэтгүүлчдийн
хөгжлийн холбоо болоод
бусад хүмүүст талархсанаа илэр­хийлье.
Хийж бүтээ­сэн зүйлийг маань үнэл­сэн үнэлэлт хийгээд эх орныхоо
цаашдын ирээ­дүй, их
спортын шилдэг тамирчдыг бэлтгэх ажилд маань улам их амжилт гаргаасай гэсэн
итгэл хэмээн ойлгож хүлээн
авлаа. Үндсэндээ надад
дахиад л өндөр үүрэг хариуцлага оногдож байна даа.

Та одоо ямар ямар ажил амжуулаад явж байна. Олимп сургууль, газар тариалан, мал аж ахуй гээд олон тийшээ л анхаарлаа хандуулж байгаа нь мэдээж?  

-Бодоод
байх нь ээ, би чинь багаасаа л, бөхийн дугуй­ланд анх орсон цагаа­саа хойш огт амралт­гүй зүт­гэж, хөдөлмөрлөж байна. Бөхийн сургуулиа авч явах, олонд танигдсан нэртэй тамир­чид болоод шинэ залуу хүүхдүүдийг бэлдэх, за тэгээд газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлалын бизнес эрхлэх нь надад үнэхээр сонир­холтой байдаг. Би бол хөдөл­мөрлөж, зүтгэж хөлс хүчээ урсгаж байгаа ажлаа­саа дандаа л эрч хүч, кайф авдаг хүн. Ажлаа барахгүй, амрах чөлөөгүй явах миний бараг жаргал юм даа.

Тийм үү, ямар сайхан юм. “Олимпсургуу­лиас Монго­лын ирээ­дүйн аваргууд төрнө, тив дэл­хийд улс орныхоо нэр алд­рыг цуурай­туулсан шил­дэг тамир­чид гарна гэж та ам бардам хэлдэг дээ?

-Сургуулийнхаа бааз суурь, тамирчдыг бэлдэх үйл явц, багш дасгалжуулагч­дынхаа чанар чан­сааг хара­хаар өөрийн эрхгүй л тийм бодол төрдөг. Ер нь хүн чинь омголон бардам, өөртөө итгэл­тэй байж амжилт гарга­даг биз дээ. Тийм болохоор миний бие шавь нартаа ихээ­хэн итгэл хүлээлгэж, тэд нар маань хэзээ нэг өдөр Мон­го­лынхоо нэрийг дэлхий даяар дуурсгана гэдэгт эргэлз­дэг­гүй. Улсын харцага Ө.Даваа­баатар, аймгийн арслан Б.Бат­­жаргал, айм­гийн заан Б.Ганзориг, Л.Цээсүрэн нарын залуучууд үндэсний бөхөөр барилдахын зэрэгцээ чөлөөт, самбо, жүдогоор хи­чээл­лэж байна. Манай хүнд жингийн тамирчид. Монголын чөлөөт бөхийн холбоо­ны ерөнхийлөгч З.Чинбат бид хоёр бүх л аймаг, сум, дүүргээс бага насны хүүхдүүдийг шал­гаруулж “Олимп” дэвжээнд бэлтгэл сургуу­лилт хийлгэж байгаа. Үндсэндээ 2016 оны олимпод оролцох тамирч­даа одооноос бэлдэж байна шүү дээ. Чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагаанд түшиг­лэ­сэн, сайн дасгалжуулагчдын бэлтгэл сургуулилтын хүчинд ирээ­дүйн сайн тамирчид төрөх байх аа.

Тантай шинэ оны өмнө­хөн уулзаж байна. Ули­ран одох гэж буй хоёр мянга арван нэгэн он олон түүхт ой дав­хацсан сайхан жил байлаа. Таны хувьд амжилт бү­тээл хэр арвин байв даа?

-Ардын
хувьсгалын наян жилийн түүхт ойгоор миний бие арав давж түрүүлж байсан. Энэ онд ерэн жилийн ой тохиосон. 1024 бөхийн барилдаанд манай С.Мөнх­бат түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртлээ. С.Мөнх­бат бол “Шонхор” сургуулийн төгсөгч. Үндсэндээ манай төгсөгч гэсэн үг. “Шонхор”, “Олимп” хэмээх хоёр сургууль нэгдсэнийг хүмүүс мэдэж бай­гаа байх. Тэгэхээр нэг сургуу­лийн хоёр бөх ная, ерэн жилийн түүхт ойнуудад манлайлсан байгаа юм. Энэ бол багшийн маань буян. Х.Баянмөнх багшийн гараас олон шилдэг тамирчид, алдар суутай бөхчүүд төрсний хоёр нь С.Мөнх­бат аварга бид хоёр л доо. Үүнийг зориуд тэмдэглэж хэлмээр байна. 2011 онд манай сургуулийн тамир­чид улс эх орондоо болсон, мөн олон улсын ча­нар­тай тэмцээнүүдэд багагүй амжилт үзүүллээ. Зарим нэг нь Ази тивийн аварга болсон гээд гаргасан амжилтаасаа дурдвал олон бий.

Өнгөрсөн хавар байна уу даа, Сүхбат аваргын ингэ ихэрлэж гэнэ ээ гээд л баахан шууги­сан. Тэр тухай асуумаар санагд­­лаа. Танай мал хуй Булган аймгийн урд талын сумдаар нутагла­даг дуулд­сан?

-Таван
хошуу малыг тэгш сайхан өсгөхсөн гэж өөрийн­хөө хэмжээнд л зүтгэж байна. Ер нь мал аж ахуй, газар тариалан монгол­чуудын эрт дээр үеэс л хийж ирсэн, цааш­даа ч хийсээр явах ажил гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Яалт ч үгүй хамгийн чухал салба­руудын нэг. Өнөө­дөр бид уул уурхайн тухай л яриад байгаа. Мэдээж уул уурхайгаа ярьж, түү­ний­гээ түшиглэж улс орон хөг­жилгүй яахав. Гэхдээ уул уурхай бол шавхагддаг зүйл. Харин мал сүрэг минь жилийн жилд өсч үржинэ. Манайхан дэлэнт мал дээшээ гэж ярьдаг. Газар тариалан ч ялгаагүй арвижаад бид бү­хэнд үр өгөөжөө өгөөд л бай­на. Мал сүрэг маань Булган аймгийн Бүрэг­хангай, Хишиг-Өндөр, Дашинчилэн гэх гур­ван сумын заагт нутаглаж байна. Ус ундтай, өвс урга­мал сайтай сайхан нутаг. Бэлчээрийн даац сайтай нут­гаа төр засаг тусгай бодлого явуулж отрын бүс нутаг гэх нэрээр малчдадаа тэгш сай­хан хуваарилж байна. Мал хуй тогтоход бэрх гантай, зудтай нутагт малчдыг гүрий­тэл нь суулгахгүй байгаа нь зөв зүйтэй юм аа.

Мал сүргийн талаар тийм байдаг байж. Таныг чинь Монголын ТОП-100 залуугийн нэгээр тодро­хыг хараадСүхбат аварга улс төрд орж бай­на даагэж олон хүн хар­даж байгаа. Шууд­хан асуу­хад, та улс төрд орох уу. Сонгуульд нэр дэвших үү?

-Манай
бөхчүүдээс улс төрд хүч үзэж байгаа эрхмүүд олон байна ш дээ. Х.Баттулга ах нэг томоохон яам толгой­лоод ажиллаж байна. За Б.Бат-Эрдэнэ аварга бай­на. Д.Кёкүшюүзан Батбаяр найз минь байна. Тэд бол арай өөр одонд төрсөн гэдэг шиг улс төр хийгээд явах чадвар чадал­тай, зангарагтай, авьяас­тай хүмүүс. Миний хувьд бол өөр. Ухаандаа би Баттулга ах шиг байж чадахгүй л байхгүй юу. Тийм болохоор улс төрөөр орол­доод яахав. Хувийн ажлаа амжуу­лаад, түмэн олныхоо хүндэтгэлийг хүлээгээд, итгэ­лийг нь даагаад явж байвал болох нь тэр дээ.

Б.Гантогтох гарьд бол улс төрийн зам мөрийг сонгоод байгаа. Увс аймагт Ардчил­сан намаас нэр дэвшинэ гэсэн таамаг хүмүүст байгаа. Тэр нь ч үнэн болов уу. Та үүнд ямар бодолтой байна вэ?

-Б.Гантогтох  сонгуульд өрсөл­дөх эсэх нь тухайн хүний өөрийнх нь л эрх шүү дээ. Хүний өмнөөс би юугаа хэлэх билээ. Увс аймагт ма­най хүний нэр хүнд их өндөр байгаа юм билээ. Сонгуульд өрсөлдвөл мэдээж би дэм­жинэ. Сонгуулийнх нь кампанит ажилд чин үнэнч сэтгэлээр зүтгэнэ дээ.

Маргааш буюу 29-нд Үндэс­ний эрх чөлөөний хувьсга­лын зуун жи­лийн ой болно. Уг ойг тохиолдуулан бөхийн барилдаанд амжилт гарга­сан хүчтэнүүдэд цол чимэг өгөх тухай ч төр засгийн хүрээнд яриад авсан. Түүнд та ямар санаа бодолтой байсан бол?

-Үндэсний
эрх чөлөөний хувьсгалын ойг хувьдаа маш хүндэтгэл­тэй хүлээн авч байгаа. 1911 оны Богд хаант Монгол Улсын тусгаар тогтнолыг ярихгүй, өндөр хэмжээнд авч үзэх­гүй­гээр хорин нэгэн оны хувьсгалыг авч үзэх боломж­гүй шүү дээ. Тийм болохоор тусгаар тогтнолын  эл өдрийг монголчууд гүн хүндэт­гэлтэй­гээр тэмдэглэж байх учиртай. Бүх нийтээрээ амардаг ч юм уу, ямар ч гэсэн ёс төртэй тэмдэглэх хэрэгтэй юм аа. Үндэсний бөхөө барилдуулж цэнгэх нь зөв. Цол олгох тухай ярьсан ярианы цаана улс төр яваад байна уу даа гэж би харсан. Хэн нэгэн улстөрч бөхөд цол олгоно, олгохгүй гэж ярих нь утгагүй.

Танаас хоёр жилийн өмнө ярилцаж байхад үндэсний бөхийн ирээ­дүйн аваргын тухай хөн­дөгдөж байлаа. “Ирээ­дүйн аваргыг би мэдэж байна. Гэхдээ одоо зар­ла­мааргүй байна. Ер нь зарлаад байдаг ч юм биш. Тухайн бөхдөө сэт­гэлзүйн хувьд маш хүнд тусдаггэж та хэлж бай­сан. Гэтэл С.Мөнх­бат гэсэн хүн гарч ирээд аварга болчихлоо. Олон түмэн Ч.Санжаадамбыг да­раа­гийн аварга, ер нь хэдэн жилдээ ноёрхох болов уу гэх итгэл хү­лээлгээд байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-С.Мөнхбат аварга надтай бэлтгэл сургуулилт хамт базааж байгаа. Түүний хувьд өнөө жилийн наадамд түрүүлс­нээрээ бусдаасаа тасарсан гэж хэлж болно. Өнөөдөр Г.Өсөхбаяр аварга барилдахгүй л бол С.Мөнхбат аварга зүүний магнайд гарах болж байна. Эрэмбээрээ хамгийн түрүүнд ам авна. Энэ бол маш том давуу тал. Дээр нь аварга цолтой бөхийн сэтгэлзүй гэж нэг юм байна. Бүгдийг ялж дийлнэ гэсэн бодол нь өөртөө итгэлтэй зоримог барилдахад нь нө­лөөлдөг. Гэхдээ залуу авар­гад дутагдал их бий.

Тухайлбал…?

-Мэхний
маш олон хувил­барыг сурах ёстой. Мань хүн мэх муутай байна. Би бол хүнд ойлгогдохгүй байхыг хичээж барилддаг байсан. Барилдаан маань хэн хүнд ойлгогдоод ирэх л юм бол биш болно шүү дээ. Бусдад унах магадлал өндөр болоод ирэх юм. Тиймээс С.Мөнхбат авар­гад хүнд ойлгогдохгүй олон мэх сурах ёстойг захиж байгаа. Шавь нартаа ч би хэлдэг, бөх гэдэг чинь мэх гэсэн үг шүү дээ гэж. Байл­дагчдын зэвсэг буу, сэлэм байдаг бол бөхчүүдийн зэвсэг мэх юм. Мэхний олон хувилбарыг сурмаг эзэмшиж байж монгол үндэсний бөхийг урлагийн хэмжээнд аваачна, үзэгч олныг ч баясгана. Мон­гол бөхөд ирлэсэн тонгорог шиг хэдэн залуучууд байна. Тэдний нэг Санжаадамба л даа. Даваабаатар ч ялгаагүй. Бэлтгэл сургуулилтаа базаа­гаад явж байгаа. Залуучуу­дын тухай одоо юу хэлэх вэ дээ. Нэг үе зургаан залуу заан гэж яригдаж байсан даа. Түүн шиг бөхийн нэг үе гараад ирлээ, шуугиулж л байна ш дээ. Хэнийг нь хэн гэхэв. Монгол бөхийн ирээдүй, залгамж халаа мундаг байна л гэж хэлье.

Танаас бас нэг зүйлийг асуулгүй орхиж болох­гүй нь. Сүүлийн үед тан­тай холбоо­той мэдээ­лэл гарах болсон. Та бол ямар ч үед олны анхааралд байдаг хүн л дээ. Ямар мэдээлэл гараад байгааг өөрөө гадарлаж л байгаа байх. “Аваргын залуу эхнэр амаржиж гэнэ. Даян аваргад дахиад үрийн зулай   үнэрлүүлсэн бай­нагээд л цуурч бай­гаа. Энэ үнэн үү. Олон нийт ихэд сонирхож бай­гаа учир асууж байгаа юм шүү?

-Гал
тогоогоо бусдад дэлгээд байхыг хэн хүсэх билээ. Тийм болохоор таны энэ асуултад тийм ийм гэж хариулмааргүй байна. Нэг зүйлийг хэлэхэд, би чинь олон сайхан үртэй болж үр хүүхдүү­дээрээ бахархан, аз жаргалтай амьдарна л гэж бусдын адил боддог шүү дээ.

Н.ГАНТУЛГА