Categories
редакцийн-нийтлэл

МАН-ын СОНГУУЛЬ БУДЛИАНТУУЛАГЧДЫН анхааралд!

Хоёр мянга арван хоёр оны УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирлээ. Нам улс төрийн бүх л хүчин нэр дэвшигчээ тодруулж, суртал­чилгаагаа явуулж, бие даан өрсөл­дө­хөөр шийдсэн нөхөд ч нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг авч их сунгаанд хэдийнэ хү­чээ сорьж эхэлсэн. Эл удаа­гийн сонгууль урьд өмнөхөөс огт өөр, шинэ агаар салхитай болох нь мэдрэгдэж байгаа юм. Үүний нэг гол баталгаа нь Монгол Улсын Эрүүгийн хуульд тусгагдсан сонгуулийн явцтай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд. Тодруулбал, Сонгуулийн хуулийг зөрчиж гэмээнэ, хууль бусаар төрийн эрх мэдлийг авах гэж зүтгэх юм бол Эрүүгийн хуулийн нэмэлт заалттай болсон. Эрүү­гийн хуу­лийн энэхүү нэмэлт өөрчлөлтийг З.Энхболд, С.Эрдэнэ нарын гишүүд санаачилсан билээ. Ингээд Эрүүгийн хуулинд сонгуультай холбоотой ямар ямар заалт орсныг  эхлээд сонордуулъя.  

“Монгол Улсын Эрүүгийн хуу­лийн 82 дугаар зүйлийн нэгд сонгуулийг будлиан­туулж, төрийн эрхийг хууль бусаар авсан бол 5-10 жил хорих ял онооно. Энэ явцад хэн нэгний амь нас үрэгдэж их хэмжээний эд материал үрэгд­сэн бол 16-25 жилийн хорин ялаар шийт­гэнэ гэжээ. Мөн хуулийн 130 дугаар зүйлд сонгуулийн насны ир­гэн сонгуулийн эрхээ эдлэх­дээ сонгуулийн хорооны ажилд санаа­тайгаар саад учруулбал хөдөл­мөрийн хөлс­ний доод хэмжээг 2-50 дахин нэмэгдүүлсэнтэй адилт­гах мөнгөн дүнгээр торгохоор заажээ. Эсвэл 1-3 сар хүртэл хуга­цаанд баривчлах ял шийтгэнэ гэсэн байна. Ингэхдээ хүч хэрэглэх, хууран мэхлэх арга хэрэглэсэн бол тодорхой албан тушаал хаших эрхийг хоёр жил хүртэл хугацаа­гаар хасахаар тусгажээ. Мөн хуу­лийн 130 дугаар зүйлийн нэгд илүү санал өгөх, илүү санал өгүүлэх ажлыг зохион байгуулсан бол 3-6 сар хүртэл баривчлах ялаар шийт­гэхээр хуульчилсан байна. Түүнч­лэн Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлд сонгуулийн хорооны гишүүд болон бусад албан тушаалтнууд санал хураалтын явцад дүнг өөрч­лөх, баримт сэлтийг өөрчлөн тэм­дэглэсэн бол тухайн этгээдийг тодорхой албан тушаалд хоёр жил томилохгүй байх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 да­хин үржүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгож эсвэл 5-6 сар ба­ривчлах ялаар шийтгэх”-ээр зүйл­чилсэн байна.   Дахиад “Долдугаар сарын 1” болоход хариуцах нөх­дүүд нь хуульд зааснаар бэлэн байна гэсэн үг.

Өмнө нь сонгууль будлиантуул­бал шийтгэх заалт ч байх нь байсан л даа. Гэхдээ үүн шиг Эрүүгийн хуульд яллах санкцтай нь тодорхой зааж өгсөн нь бүдэг.Одоо та сон­гууль будлиантуулбал Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн заалтаар “бүгд найрамдахаа” уншуулна.  Сонгуулийн хэсгийн хороодод   ажиллаж байгаа төрийн албан хаагчид минь, та нар эрүү­гийн хуулийн тодорхой заалттай  гэмт хэрэг үйлдэчихэв дээ. Үүнийг олон жил сонгууль будлиантуулж ирсэн одоо бараг мэргэжлийн болчихсон нөхдүүдэд зориуд са­нуулж хэлэх гэсэн юм. Сонгуулийг МАН-ын гишүүд мэргэжлийн өндөр түвшинд хийдэг. Тийм учраас л ингэж ахин дахин улиглаад байна. Ардын намдаа сайн хүн болох гэж үхэн хатан зүтгээд, сонгуулийн будлианыг ил далдгүй хийгээд эцэст нь амаа барив даа л гэж.

Энэ удаагийн сонгууль өмнө нь болдог шиг зохион байгуулалттай, урьдчилсан дэглэлттэй инээдмийн жүжиг тавьдгаас чинь эрс өөрчлөгд­сөн. Жинхэнэ сонгуулийнхаа мөн чанараар явагдана. Монгол Улс маань хуулиа дагадаг шүүхтэй, түүнийг нь шаарддаг Ерөнхий­лөгчтэй болсон шүү дээ. Хуучин бол “Сонгуулийн хуулийг зөрчихөд ямар хамаа байдаг юм. Хэн биднийг мөрдөж мөшгиж, үйл тамыг минь үзэх билээ. Бид намдаа тус хүргэж байна” гээд  хуулийг хэрхэн улан­даа гишгэлдэг байлаа. Намаас  өгсөн үүрэг даалгавраар ажиллан түмэн олныг тохуурхаж, яаж бан­танг нь хутгадаг байлаа даа.

Тэр “сайхан” цаг чинь өнгөрөөд удаж буйг эрх биш та нар анзаарч байгаа биз дээ. Дарга сайд хэнбугай нь ч хууль дүрэм гэж ярьдаггүй, сонгуульд намаа ялуулж, нэр дэвшигчээ Их хуралд суулгах л  юм бол хороо хорины даргаас эхлээд албан тушаалд томилж, гадагшаа дотогшоо аялуулж, са­наанд оромгүй их мөнгийг шагнал нэрээр өгч хүнийг хүн биш болгодог байлаа. Тийм байхад хэн хууль биелүүлэхийг бодох вэ дээ. Ямар нэгэн аргаар нэр дэвшигчээ ялуулж, албан тушаалд очихын төлөө, улаан мөнгөний төлөө нүдээ ухахаас ч сийхгүй зүтгэх нь мэдээж шүү дээ. Харин одоо даргатай цэрэгтэйгээ хуулиа сахидаг, түү­нийг нь төрийн тэргүүн шаарддаг болоод эхлэхээр хууль бус зүйл хийж байгаа, өнөө сурсан зангаа­раа сонгууль будлиантуулж байгаа нөхдийг Сонгуулийн ерөнхий хороонд муугаар хэлбэл матчих, сайнаар хэлбэл иргэний үүргээ биелүүлж мэдээлэх   хүн захаасаа аваад байгаа. Энэ олон нам, энэ олон иргэний хөдөлгөөнүүдийн хаагуур нь гарах билээ.  Иргэний­хээ үүргийн дагуу сонгууль өгөхөөр бэлдэж байгаа нэг сая долоон зуун мянган хүнээс хууль бус явдалд дургүйлхэх нь үй олноороо байлгүй хаачихав.  Хуучин бол хууль бие­лүүлдэггүй байсан учраас хүмүүс булхай хийж байхыг нь мэддэг ч цааш нааш нь ярьдаггүй байв. Одоо бол үгүй шүү, хуулийг дээр доороо хаа сайгүй мөрддөг болох гэж, мөрддөг болж байхад хэлэх хүн захаас аваад замаар дүүрэн бий.    

Ингэхэд, сонгууль өмнө нь яаж явагддаг байлаа, бид бүгд мэдэж байгаа. Санал авах өдрийн үдээс хойхно гэхэд л хэсгийн хорооны дарга нар  бие, биендээ хөөрөлхөн утасддаг байв. “Манай хороо намаа наян хувиар ялуулах гэж байна. Та нар хэдээр ялуулах төлөвлөгөөтэй байна” гэцгээн гайхуулдаг байв даа.  Сонгуулийн дүн гарахын урьд шөнө намаа ялуулсан баяраа тэмдэглэж, эх захгүй архиддаг байв.Тэгж л ард түмний сонголтыг доромжилж,  хуулийг гууль болгон  ихэрхэдэг байсан.  

Харин тэр цаг өнгөрөөд удсан гэдгийг МАН-ын панатууд та нар эрх биш ойлгож байгаа биз дээ. Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн этгээдийг 25 жил хүртэлх хугацаанд шоронд явуулах тухай Эрүүгийн хуулинд туссаныг бид баримтайгаар үзлээ. Намдаа итгэл үнэмшилтэй хүн болж, дарга нар­таа долгинож байгаад өөрийгөө шоронд илгээчихэв дээ. Аймаг аймгаараа, хороо хороогоороо дээлээ нөмрөөд ачигдав. Хэрэв тэгвэл сонгуулийн дараа та нарыг хэн ч өмөөрөхгүй. Наад нам чинь энгийн та нарыг байтугай Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Н.Энх­баярыг өмөөрөхгүй байгааг харж байгаа биз дээ. Амиа өгөх нь холгүй зүтгэдэг Ардын намын чинь үнэн нүүр царай энэ. Энэ  намд зүтгээд гавьяа байгуулна гэж бодож буй бол эндүүрэл болно шүү. Энэ нам бол өөрийнхөө төлөө зүтгэсэн бүхний толгойг хэрчдэг махны машин шүү гэдгийг бид бүхэн олонтаа сануулж байсан. Үүнийг ухаарч байна уу, ер нь. Сонгууль зохион байгуулагч эрхэм нөхдөд дахин хандаж хэлэхэд, аль ч нам ялсан Монголын төр байдгаараа байна. Төрийн алба үргэлжилд­гээрээ үргэлжилнэ. Төрийн албан хаагчид ажилдгаараа ажиллана. Тийм болохоор аль нэг нам руу хэлбийж, аливаад хууль бусаар хандаад байж болохгүй ээ. Гол нь сонгуулиа үнэн шударга, хоёргүй сэтгэлээр хуулийн хүрээнд зохион байгуулах л та бүхний үүрэг шүү дээ. Ер нь тэгээд сонгууль луй­вардаж, намаа ялуулж гавьяа байгуулна хэмээн онгирч омойтох нь байж боломгүй зүйл. Энгийнээр хэлэхэд, гэр бүлээ үр хүүхдээ, ирээдүйгээ бод л доо. Хууль дүрэм, шүүх цагдаа гэдгийг мэдэхгүй, мэдсэн ч тоохгүй, нам маань ар талыг хаалтгүй хариуцна хэмээн тэнэглэж байгаад хайран сайхан насаа торны цаана өнгөрөөх вий дээ гэдгийд л сануулаад байгаа юм шүү. Үүнийг л төрийн албан хаагч, сонгуулийн хэсгийн хороодод ажиллаж буй та нөхдөд анхаа­руулахыг хүссэн юм. 

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Б.Загдаа: Ширэндэв ахын өв, үнэт бүтээлүүд хаана байгааг мэдэхгүй байна

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Базарын Ширэндэв агсны зуун жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа билээ. Нэрт эрдэмтний ойг тохиолдуулан гэрэл зургийн үзэсгэлэн гарч, арван боть номыг нь баринтаглан залж, мөн хөшөөнийх нь шавыг тавьсан билээ. Эдгээр үйл явдал манай сонины өмнөх дугаарт мэдээлэгдсэн. Харин эл удаа Б.Ширэндэв агсны төрсөн эгчийн охин Б.Загдаатай ярилцсанаа хүргэж байна. Тэрээр нагац ахынхаа тухай олон сонирхолтой ном зохиол хэвлүүлсэн нэгэн юм


Базарын Ширэндэв агсны зуун жилийн  ой энэ өдөр тохиож байна. Нагац ахынхаа үндсэн захиргааны талаар эхлээд өгүү­лэхгүй юу. Хүмүүс янз бүрээр л ярьдаг даа?

-Миний нагац ах Базарын Ширэндэв 1912 онд хуучнаар Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутаг Худаг хэмээх газар мэндэлсэн байдаг. Ахыг долоон настай бай­хад лам болгохоор Нүхтийн хү­рээнд шавилан суулгасан ч шашин номыг нэг их сонирхоогүй юм билээ.  Түвд цагаан толгой маани мэгзэм сураад цааш сурахыг дур­гүйлхсэн байна. Ингээд түүнийг Цэцэрлэг хотын тэнхимийн сур­гуульд шилжүүлсэн түүхтэй. 1930 онд ах маань Архангай аймгийн Чулуут голын нэгдлийн даргаар томилогдсон гэдэг. Бичиг үсэгтэй залуу гээд шууд томилсон байдаг. Тэр тухайгаа “Зургаан төгрөгийн цалинтай, тусдаа том цагаан гэрт амьдардаг. Гэрт маш олон олбог хураалттай байх. Хийх зүйл олдох­гүй уйдахаараа олбогнуудыг дав­харлаж өндөрлөөд дэвхэрч цов­хордог сон” гэж дурсдаг байлаа. Энэхүү үг үйлдлээс нь харахад даанч бага байж дээ. Сонирхол­той нь анхны цалингаа аваад унадаг дугуй авч унаж байсан гэдэг шүү. Дараа нь хотод ирж хоёр жил гаруй сураад 1937 онд Эрхүү хотын түүх, утга зохиолын ангид дөрвөн жил амжилттай суралцан төгссөн түүхтэй. Ах маань эцэг эхээс арван хэдүүлээ байж. Гэвч найм нь эсэн мэнд бойжсон гэдэг. Миний бие төрсөн эгч Балжиннямынх нь охин юм. Гэвч өвөөгөөрөө овоглодог, үндсэндээ намайг Базарын Загдаа гэдэг дээ.   

Таны нагац Маршал Чойбал­сантай хамгийн ойр байсан хү­мүүсийн нэг. Тэр талаар ном зохиолд багагүй бичигд­сэн бай­даг. Танд мэдэх нарийн надин зүйл байна уу?

-За даа тэр талаар мэдэж бай­гаа нарийн ширийн зүйл ховор доо. Ах маань тэр талаар хааяа ярина. Гэхдээ хамаа замбараагүй ярихгүй. Эрхүүгийн сургууль төгсөж ирээд тухайн үеийн Багшийн сургуульд түүхийн багшаар ажиллаж байтал Засгийн газраас дуудаж Маршал Чойбалсангийн референтээр томилж буйгаа дуулгасан байдаг. Дараа нь намын төв хорооны нарийн бичгийн даргаар дэвшин ажиллаж, дөчин хоёр онд Монгол Улсын их сургууль байгуулагдахад анхны захирлаар нь томилогдсон. Их сургуулийн захирал, түүхийн тэнхимийн эрхлэгчээр арваад жил ажиллахдаа Монгол оронд дээд боловсролтой боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор ихээхэн хөдөл­мөр зүтгэл гаргасныг үе үеийн удирдлагууд, эрдэмтэд дурсдаг юм аа. Тухайлбал, эрдэмтэн доктор А.Мекей “МУИС-ийн анхны ректор, академич Ширэндэвийн Их сургуу­лийг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн үүрэг, түүхээс” хэмээх өгүүлэлдээ, Ширэн­дэв захирлын дэмжлэгтэйгээр 1945  онд хэл уран зохиолын багш бэлт­гэх салбар нээгджээ гэж дурссан нь бий. Тухайн үеэс л Ширэндэв ахтай маршал Чойбалсан холбогдож эхэлсэн байдаг. Мэдээж өндөр боловсрол мэдлэгтэй хүн  Мар­шалд хэрэгтэй байсан нь тодорхой. Ширэндэв ахыг Чойбалсан дандаа хөдөө дагуулж явдаг, иргэдийн хар бор амьдралтай танилцахыг шаард­даг байсан гэдэг. Ингэхэд ахыг маань тухайн үеийн нэртэй эрдэмтэд Ши мэргэн гэж авгайлдаг байлаа. Эрдэм чадлыг нь хүндэт­гэж буйн хэлбэр байх л даа. Ах минь Монголын түүхэнд их олон зүйлээр анхдагч болсон хүн шүү дээ. Ухаандаа, Монгол Улсын их сургуулийн анхны захирал, Евро­пын орноос хүртсэн Монголын анхны хүндэт доктор, мөн монгол­чуудын фронтод өгөх бэлгийг хүргэх зорилгоор Маршал Чой­балсан Сталинтай уулзахад манай талаас хэлэх үгийг нь анх орчуулж байсан хэлмэрч гээд олон юм бий. Тэр бүгдийг нь хүмүүс бараг мэднэ дээ.

Шинжлэх ухааны академийг хорин жил толгойлсон нь бас л анхдагчдын тоонд орно доо?

-Өө тэгэлгүй яахав. Академийн ерөнхийлөгчөөр хорь гаруй жил ажлаад 1981 онд 70 насны ойн дээрээ ажлаасаа халагдаж байсан. Халагдахдаа намын үзэл суртлаас болсон л юм гэдэг. Тэр тухайгаа ах бараг ярьдаггүй байсаан. Сүүлд дуулдах нь ээ, ахыг их зантай, биеэ тоосон, аливааг ганцаараа захир­даг гэх үндэслэлээр ажлаас нь халсан юм билээ. 1969 онд ЗХУ-ын Коммунист намын дарга Л.И.Брежнев тэргүүтэй Зөв­лөл­тийн нам төрийн удирдагчид Монголд айлчлахад уулзаж байсан хүний нэг нь манай ах. Тухайн үед Ширэндэв ах шиг нэртэй төртэй, эрдэм боловсролтой хүн Монголд ховор байсан. Гэвч түүнийг хилс хэргээр хэлмэгдүүлж ажлаас нь чөлөөлсөн. Үүнийг түүх гэрчилнэ. Харин энэ хэрэг дараа нь цагаадсан. Ерээд оны дундуур, Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед байх шүү. Ахад Хөдөлмөрийн баа­тар цол олгосон. Мөн Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн хэмээх цолоо хүртээсэн. Энэ бүхэн нь Базарын Ширэндэв гэж хүн Мон­голын түүхэнд ямар гавьяа бай­гуулсны илэрхийлэл болох биз ээ. Ахын жаран насны ойд Бал дарга өөрийн биеэр оролцож тэр хоёр гадны хүчтэй идээнд багагүй халамцаж байсныг санаж байна. Ер нь Бал даргатай их ойр байсан шүү. Эрхүүгийн сургуулийн нэг үеийн оюутнууд гээд сүйд байдаг. Бал даргыг болж л өгвөл магтах талдаа байсан. Ерээд оны эхээр тэрхүү агуу удирдагчийг хүн бүр, дээр дооргүй муулж байлаа шүү дээ. Тэгэхэд ах ихэд өмөөрч, шулуун шударга зантай Монголын төрд хийсэн юмтай хүн гээд хир халдаадаггүй байсан даа. Харин сүүлдээ Бал даргын авгай­тай ам зөрсөн тал бий. Ахын “Хангайн хүү” гэх дурдатгалын ном хэвлэгдээд удаагүй байсан үе. Гэтэл нэг хүлээн авалт дээр Цэдэн­бал Филатова “Бал даргын тань тухай ийм ном гараагүй байхад өөрөө яахаараа ийм бүтээл хэв­лүүлдэг билээ” гэчихэж. Үүнд нь ах хэгжүүрхэн “Би энэ номыг бичүү­лээгүй ээ, миний тухай л өөр хүн бичсэн байна лээ. Би хүнд юу бичихийг нь заахгүй” гэсэн байгаа юм. Үүнээс нэг юм эхэлсэн шиг санагдана.

Ширэндэв гуайг орос гэр­гий­тэй байсныг хүмүүс мэднэ. Гэр­гийг нь сайн мэдэх хүний нэг та болов уу?

-Ах минь Эрхүүгийн сургуулийн оюутан байхдаа хамт сурч байсан Смоленс мужийн тариачны охин Журавлева Зинаида Алексеев­натай гэр бүл болсон. Ахын гэргийг бид Зина эгч гэж найрсгаар дууд­даг байлаа. Өмнө нь тэрээр Волков гэж хүнтэй гэр бүл болж нэг хүү төрүүлсэн боловч удалгүй нөхөр нь нас барж бэлэвсэрч үлдсэн юм билээ. Тэгээд ахтай нийлж Монголд ирэн Багшийн сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсан. Зина эгч махлагдуу хүн байсан. Залуудаа маш гоё харагддаг байж билээ. Үнэтэй зүүлт зүүдэггүй, царай зүс сайхантай энгийн нэгэн байв. Намайг ах, эгч хоёр минь боловсролтой болгох гэж их хичээ­сэн дээ. Түүний ачаар ч би Монгол Улсын их сургуулийн эдийн зас­гийн ангид тэнцсэн байх шүү. Ах эгчийнхээ буянаар орос хэлийг сайтар үзэж Их сургуульд орос хэлний багшаар ажиллан амьд­ралынхаа гарааг эхэлсэн түүхтэй. Б.Ширэндэв ахындаа долоон жил үр хүүхэд нь юм шиг суудаг байлаа. Харин Их сургуулийн хоёрдугаар ангийн оюутан байхдаа гэр бүлтэй болж өрх тусгаарласан. Манай гэр бүлийн хүнийг Сангийн яамны сайдаар олон жил ажилласан Цэндийн Молом гэдгийг мэдэх хүмүүс нь мэдэх байх аа.

Ахынхаар тань тухайн үеийн сэхээтнүүд бүгд л ирдэг бай­сан даа?

-Тухайн үед бэр эгчийн танил орос хүмүүс зөндөө ирнэ. Мөн Ц.Дамдинсүрэн гуай, Ш.Лувсан­вандан гуай, Ч.Лодойдамба гуай, “Үнэн” сонины эрхлэгч Ц.Намсрай гуай, Гадаад яамны сайд Ядам, Монгол Улсын анхны ардын багш Д.Чойжилсүрэн гуай гээд тухайн үеийн нэртэй эрдэмтэд, оюуны лидер болсон хүмүүстэй найз нөхөд байсан. Тэгэхээр би бас өөрийгөө үнэхээр азтай гэж бод­дог. Монголын утга зохиол, шинж­лэх ухаан, хэл соёлын нэгэн үеийн луугаруудыг амьдаар нь харах хувь надад оногдсон юм шүү. Хэн хүнд олдох хувь заяа биш дээ. Ш.Лув­санвандан, Д.Чойжилсүрэн багш нараа явсны дараа тэр хэд жаахан наргидаг байж билээ.

Б.Ширэндэв гуай хэдэн хүү­хэдтэй вэ?

-Хоёр хүү, нэг охинтой. Таня гээд охин нь гэр бүлтэйгээ Орост амьдардаг. Эхнэрийг нь дагаж ирсэн хүүг манайхан сайн мэднэ дээ. Монгол судлаач, манай орныг бүрэн судалсан хүний нэг. Түүнд ах ч хоёр хүүхдээсээ ялгаагүй ханддаг байсан. Эхнэр нь бас л түүхч байсан одоо бүгд л өөд болсон. Бурхан болтлоо ухаан санаа цэцэн цэлмэг хэвээрээ байсан даа. Зохиол бүтээлээ бичиж чадахаа байхдаа хажуудаа хүн зогсоож байгаад дуудуулж бичүүлдэг байв. Б.Ринчен гуайтай бас сайн найзууд явсан. Би ахтайгаа бараг 50 жил холбогдсон. Миний амьд­ралд эцэг шиг минь л үүрэгтэй хүн байж дээ. Манай хүүхдүүд ч гэсэн ахад их сайн ханддаг байлаа.  Миний бага охин Мөнхжаргал мартын 8-нд бидэнд, ахад зураг зурж бэлэглэдэг байж билээ. Ах минь нутаг амьтай. Юм л болбол Хөвсгөлөө ярина. Ижий ааваа дурсана. Мөн нутаг залгаа Архан­гайханд их хайртай 

Архи дарс уудаг байв уу?

-Хааяа цагаан вино л уудаг байсан. Түүнээс архи уухгүй ээ.  “Уран хас” бүжгэн жүжгийн  Хөвс­гөлийнхөнд зориулсан гэдэг шүү. Уран зохиолоос илүү шинжлэх ухааны бүтээл их туурвина.  Төрийн шагнал хүртсэн бүтээл нь ч шинжлэх ухааны бүтээл шүү дээ. Ер нь уншиж, судлаагүй юм гэж ховор. Аавыгаа өнгөрхөд охин нь гэртээ үлдсэн. Одоо тэр 40 мянгатын байрыг нь гадныхан түрээсэлдэг юм гэсэн.  Өнгөрөхдөө ах архиваа бэлдсэн байсан. Шинжлэх ухааны академид өгнө ярьдаг байсан.

Тэдгээр үнэт бүтээлүүд, соёлын өв, түүх дурсгалууд нь архивт хадгалагдаж байгаа юу?

-Харин тэр талаар сайн мэдэх­гүй байна аа. Архивлаж бэлдсэн үнэт бүтээлүүд, ном судар нь архивт очоогүй юм шиг байна лээ. Түүнийг дуулаад ихэд гайхсан. Бас харамссан. Охин нь тэрхүү үнэт бүтээлүүдийг нь, бурхан шашныг нь хаана байлгаж буйг үнэндээ мэдэхгүй байна. Охин Таня нь өнгөрсөн зун ирсэн. Тэгэхэд нь би түүнээс асуулаа л даа. “Ахын архивт өгнө гэсэн зүйлүүдийг өгсөн үү” гэж. Мань хүн одоо өгнө өө гэсэн. Тэгвэл би хамжилцах уу, тус нэмэр болох уу даа гэхэд илт дургүйцэж байлаа. “Би өөрөө болгочихно доо” гэснээс өөр зүйл хэлээгүй. Гэвч дараа нь сонсоод байх нь ээ, нэг муу эвдэрхий бичгийн ширээ, ойр зуурын юмыг нь л өгсөн байна лээ. Өнөө үнэт өвүүд, ном зохиолууд, гар бичмэлүүд, за тэгээд бурхан шашин гээд нандин зүйлс байхгүй. Таня Орос руу аваад явсан юм уу, яасан юм бүү мэд.  Харин ахын минь надад бэлэглэсэн дурсга­луудыг би юунаас ч илүүтэйгээр нандигнан хадгалдаг даа. Индра Ганди өгсөн юм гээд зэс бурхан надад өгч билээ. Түүн шиг үнэтэй бэлэг манайд үгүй. Монголын шинжлэх ухаанд зуун зуун жилээр дурсагдах сайхан ахыгаа түшиж, тулж явсан он жилүүдээ би юунаас ч илүү хайрладаг даа. Ахын хөшөө босох гэж буйг дуулаад нас өндөр гарсан би баярлаж л сууна, Монгол Улс, Монголын шинжлэх ухааны академи ахын зуун жилийг ойг сайхан л тэмдэглэж байна. Үүнд сэтгэл хангалуун байна аа.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Бөхөн шарын салхинд адислуулж, Идэрийнхээ хөвөөнд долгилохуй

Эх хэлбичгийн чуулган эхлэх өглөөний наран урьд урьдынхаас илүүтэйгээр тийм нэг гоёмсгоор мандав шүү. Идэрийнхнийг нөмөр­лөн орших бидэрт халиун уулсын тэргүүн дээрээс энгэр бэл рүү нарны туяа нэвчин урсах нь тэр ээ. Нэг мэдэх нь сумын төвийг гэгээ гэрэлдээ булхуулж, үүр цүүрээр л сургуулийн гадаа цугласан хүүхэд багачуудын алиман хацар улмаа туяараад ирэх ажгуу. Уул нь бол нар манддагаараа л мандаж, орчин тойрноо гэрэлтүүлдгээрээ л гэрэлтүүлж байгаа. Энэ өглөөний наранд илүү нэг ч цацраг байхгүй. Харин эх хэлнийхээ баярт алсаас зорин ирсэн олны хүсэл тэмүүлэл, хөөр баяр, нарны туяатай сүлэлдэн зангилагдсан учир хүн бүрт арай л тунгалгаар мэдрэгдсэнийх биз ээ. Арваннэг дэх жилдээ болж буй чуулганд Алтайнхан Дарвийн ну­руу­гаа даваад ирчихэж. Лутын Лхагжав багшийн нэрэмжит эх хэлбичгийн баяр анх зохиогдохдоо зөвхөн Идэр сумынхаа хүрээнд болдог байсан гэх. Дараа жилээс нь зэргэлдээ сумын “морьд” шанд­саа сорьж эхэлсэн бол өнөө жил Завхан аймгийн сумдаас гадна Говь-Алтай, Хөвсгөл, Эрдэнэтийн багш сурагчид дөрөө мулталлаа. Увс аймгийн наад талын сумдаас ч мэдүүлэг юугаа өгсөн дуулдана. Тэгэхээр яалт ч үгүй баруун бүсийн даншиг болох нь тодорхой шүү.

Газар газрын шигшмэл хурдууд цуглачихсан наадмын өглөө ямар байдаг билээ дээ. Бие сэтгэл өөрийн эрхгүй хөвсөлзөөд л ирдэг сэн. Түүн лүгээ адил Идэрийн сургуулийн дан цагаан байшин­гийн гадаа сургууль сургуулиараа, сум сумаараа, аймаг аймгаараа ялгарсан олон эх хэлбичиг, түүх соёлынхоо төлөө далай их сэтгэ­лээр найрсан нэгдсэн нь энэ. Зав­хан аймгийн Улиастай хотын “Жавх­лант” цогцолбор сургуулийн багш Лайханжавын Батцэцэг эрд­мийн баярыг нээлээ. Эл даруухан бүсгүй өнгөрсөн жилийн аварга юм. Тодруулбал, түрүү жил мэргэж­лийн багш нарын уралдаанд маг­най­даа тоосгүй ирж Лхамсүрэн­гийн Төрбаяр захирлаас нэг сая төгрөг, алтан цом, мөн нэг сая төгрөгөөр бүтсэн “багш дор мөр­гөмү” хэмээх цул эрдэнийн тэмд­гийг нүдэндээ нулимстай гардан авч байсан нэгэн. Яруу найргийн хамгийн том баяр “Болор цом”-ыг өмнөх жилийнх нь түрүү найрагч, эгшиглэнт Янжинлхамын эзэн нээдэг. Ийм нэг нандин уламжлал Идэрийн голын хөвөөнд эх хэл­бич­гийн чуулганд давтагддаг байна. Номын авшиг шингэсэн баяр гэдэг цаанаа ихээхэн утга учиртай, ямар нэгэн эрх ашиг өвөрлөөгүй, сон­гууль энээ тэртэй бүр чиг холбоогүй нь сайхан юм. Түүнээс жилийн жилд гуч, дөчин сая төгрөг зараад багшийнхаа нэрэмжит наадмыг зо­хион явуулж буй “Лхагважав сан”-гийн тэргүүн эхлүүлж болох шүү дээ.

Идэр бол билэг оюун, хүч чад­лын аль ч гаргалгаанаас харсан идэрхэн хөвүүд төрдөг тэнгэрээс тэтгэгдсэн газар ус гэдэг нь хэнбу­гайд ч анзаарагдана. Монголын утга зохиолын сонгомол нэгэн туурвигч Пүрэвжавын Баярсай­ханы зохиол бүтээлийг уншаагүй хүн ховор. “Хөх туурийн тал”, “Анир гүм нутаг”, “Гэрэл гэгээг хүснэ”, “Гүн ертөнц”, “Сармагчин бол сармаг­чин” тэргүүт шилдэг бүтээлүүд нь цаг хугацаа алсрах тусам улам л үнэд орж байна. Эл эрхмийг Мон­голын топ таван зохиолчийн нэгээр Гун-Аажавын Аюурзана нэрлэсэн нь бий. Түүнийг төрийн шагнал авалгүй хорвоог орхисонд ихэд харамсдагаа ч нэгэнтээ хэлсэн байдаг. Тэгээд Ванчинбалын Инжин­наши, Дашдоржийн Нацаг­дорж, Сэнгийн Эрдэнэ нартай эн зэрэгцэх сонгомол зохиолч гэж олондоо зарласан. Утга зохиолын нэртэй шүүмжлэгчид, ялангуяа Дашлхүмбийн Галбаатар доктор тэр жил өндөр Баяраагаа Явуу­гийн­хаа хэлснээр “Цаст цагаан уул”-ыг эзэгнэлээ гэж бичээд зарим нэгнийх нь дургүйг хүргэж байсан удаатай. Гурав, дөрвөн жилийн өмнө байна уу даа, төрийн шагналт зохиолч Далхаагийн Норов “Лхаг­важав сан”-гийн урилгаар зохиолч нөхдийнхөө хамт Идэрт ирчихээд нэг их хайлган дурсам­жийг үлдээ­сэн түүхтэй.

Тэр нь өнөө л Пүрэвжавын Баярсайхантай холбоотой юм. “Баяраа бид хоёр Идэрийн гол руу хамт явна гэж удаа дараа ярьдаг байсан ч чадаагүй, үүлэн сүүдэр заагласан. Нөхрийн бие эзгүй ч сэтгэлийн гүнд надтай хамт ирлээ” гэж өгүүлээд хаврын тэр нэг орой “Дорнын цагаан сар”-аа одод чуулалдах үед дуулсан гэнэ лээ. Тэгэхдээ мань хүн сумдаас ирсэн залуухан багш бүсгүйчүүдтэй хөт­лөлцсөн шигээ, сарны саруулхан гэрэлд хундага харшуулсан байдаг.

Өндөр Баяраа зохиолчоос гадна Дамдинсүрэнгийн Алтан­гэрэл, Алтанхуяг гэж ах дүү хоёр бий. Өөрсдийгөө “Ялгасангийнхан” хэмээн тодотгодог байсан эл хоёр эрхмийг манайхан бүтээлээр нь мэднэ ээ. Алтангэрэл агсан Анг­лийн Лийдсын Их сургуульд бо­ловс­рол эзэмшсэнийхээ дараа “Монгол ардын үлгэрүүд”, “Мон­голын орчин үеийн яруу найраг” бүтээлүүд болон “Учиртай гурван толгой” дуурийг англи хэл рүү хөрвүүлж олон улсын тавцанд Монголынхоо сод туурвилыг гарга­сан гавьяатан. Гэвч түүний энэхүү гавьяа цагийн шуурганд үнэлэг­дээгүй өнгөрчээ. Хэзээ нэг өдөр англи хэл моодонд орно, моод ч юу байхав, бид бүхний аминд орно, дэлхий нийтийн хэрэгцээ болно гэдгийг Идэрийн хөвүүн ихээ эрт ухаарсан байна. Талхныхаа мөн­гийг яая гэж байх хүнд бэрх цагт ч тэр орчуулгаасаа, толь бичиг гарга­на гэх чиг шугамаасаа хазайсангүй. Ерөөс ахуй амьдралаа орхиж англи хэлний төлөө зүтгэсэн. Гэвч түүний хичээл зүтгэл өнгөрснийх нь дараа л биелсэн болов уу. Ерэн гурван онд Монголын анхны “Англи-монгол толь бичиг”-ийг зохиож, түүний дараагаар хичнээн боть гаргав. Хичнээн олон мянган залуус Алтангэрэлийн толийн буянаар зүг чигтэй болов. Одоо чиг Их сургуулийн багш нь ч, энгийн нэг оюутан нь ч түүний тольтой л зууралдаж байгаа. “Идэрийн голын хөвүүний зохиосон “Англи монгол толь бичиг” нь Монголын хэл шинж­лэлийн түүхэнд үзэгдэл болсон бүтээл юм” гэж мэргэн гүүш Готовын Аким дуу алдсаныг энд шигтгэе.

Дамдинсүрэн хувилгааны бас нэг чөмөгтэй хөвүүн нь Алтанхуяг найрагч. Мөнхүү орчуулагч. Л.Кэр­раллын “Алиса гайхамшигт оронд аялсан нь”, Э.Хэмингуэйн “Климан­жорагийн цас”, Ференц Каренти­гийн “Будепешттийн хавар” тэргүүт дэлхийн гайхалтай зохиолуудыг ард түмний оюун санд бэлэглэсэн. “Сэтгэлийн дуу”-гаас аваад яруу найргийн бүтээлүүдийг нь Миши­гийн Цэдэндорж найрагчаас улбаа­лаад олон хүн үнэлсэн нь бий дээ. Идэр бол ийм л мэргэдийн өлгий еэ.

Эх хэлбичгийн баярын үеэр уригдсан зочдыг Бөхөн шарын нурууны оройн салхинд адис­луулж, хийморь лундааг нь сэр­гээдэг бичигдээгүй хуультай. Бөхөн шарын нуруунаас долоон хошуу­ны нутаг харагддаг гэдэг. Тунын гол, Жаргалантын голыг хөндлөн огтолж, Идэрийн голын урдуур давхиулсаар нуруу өөдөө мацна. Бэлийнх нь салхинд илбүүлэхэд л бие сэтгэл ариусах шиг болдог нь гайхмаар. Сэтгэл санаа дагаад тэр болов уу. Гэхдээ Хамба номун хан өөрөө тахин, ид шидийн тарнийн увдисаа тэнд л гаргаж, тэнгэрээс ер бусын энерги оюун бодолд нь хуралдахыг мэдэрч, эгэл ардууд­тайгаа Бөхөн шарынхаа нуруун дээр морьдоо уралдуулж, бөхөө барилдуулж байсан түүхтэй шүү дээ. Үнэхээр эрийн хийморь сэргээ­сэн, номын буян хуралдуулсан ариун бумбын орон юм аа. Бавуу найрагчийн хэлснээр “…Салхи­наас нь тарнийн аялгуу сонсог­доод, нарнаас нь арцны үнэр сэнхийгээд нэг л сайхан даа”. Бөхөн шарын нуруу өөд өгсөж явахуйд халиурсан шаргал талд яргуй нүдлэн цэнхэртжээ. Бүр нэг дуу алдмаар сайхныг нь яана.

Яргуй нүдэлсэн яруухан цаг мөн дөө гэх бодох агшинд дүнэгэрхэн нурууны баруун урдаас нар зөв хурайлан давхиулсаар тэлмэгэр магнай дээр нь гараад ирлээ. Хадаг яндар, судар ном нь уулын оройн салхинд илбүүлэн цаад тэн­гэрийн­хээ өнгөтэй ууссан хоёр овоо, дундаа “Бөхөн шарын нуруу” хэ­мээх дуун хөшөөтэй гурвуул чанд­манилан ханайсаар өмнөөс угтав.

Машинаас буухуйд тэнгэрт ойртчихсон мэт гэгээн бодол төрж, бүрх малгайгаа салхинд хийсгэн араас нь хөөцөлдөх үест газраас жингүйдэн буйгаа мэдэрсэн дээ. Монголынхоо нэгэн сайхан уулын оройн салхийг залгилж, хангайн нурууны дөрвөн зүгийн уудмыг хоёр нүднийхээ дуран авайгаар байтугай, сэтгэл зүрхнийхээ мөн чанараар нэвт харах хувь байж шүү. Ийн бодох ахуйд уярлынх ч байна уу, утгынх ч байна уу, ухаар­лынх ч байна уу, ямар ч л байсан хоёр нүдний нулимс сувдраад ирсэн дээ. Хоёр мянга долоон оны зуны эхэн сард Говь-Алтай айм­гийн Бигэр сумын нутгаар дайран өнгөрөхдөө тэр их аагим халуунд, хайлмагтсан мэт элсэн дээр сөхөрч суугаад Бурханбуудай хайрханд залбирснаа, гэв гэнэт хоёр нүдийг минь нулимс бүрхсэнд гайхсанаа мартдаггүй. Түүнээс хойш баруун Алтайн их уулсыг үзээд, Алтан-Овоонд сүслэн мөргөөд, газрын дундад диваажин Ханхөхийг зорин очихдоо нүдэндээ нулимс­тай явж билээ. Гэтэл Бөхөн шарын нуруун дээр өөрийн эрхгүй нэгэн цагийн бөглөө гардаг байна шүү. Манай­хан ярьдаг даа, энэ үрээний бөглөө одоо л нэг гарч байна гэж. Надад үнэндээ тийм байсан.

Ханайсан сайхан эрс зэргэл­дээх хоёр овоонд, мянган кило­мет­рийн цаанаас ачиж авчран кранаар буулгуулан байж цогц­лоосон дуун хөшөөний өмнө хэ­дэн­тээ сунан мөргөсөн. Бөхөн шардаа хүслээ шивнэсэн. Данзан­гийн Батжаргал гэх Идэрийн идэр­хэн арслан бүр чиг сүсэг бишрэлтэй байна. Их овооны өмнө маани хөгжөөн суугаа Ойдовын Бадмаа­дорж хувилгааны хажуу бөөрөнд завилаад суучихаж.

Тэрээр өнгөрсөн зуны наад­маар дөрөв давж начны даваанд Б.Ганбат арсланд унасан. Улсын цолонд тун ойр яваа нэгэн. Өнгөр­сөн жилийн наадамд Идэрийн галтайхан хоёр хүү начны даваанд нэрээ дуудуулсан нь Ширбазарын Жаргалсайхан, Данзангийн Бат­жар­гал нар. Жаргалсайхан нь уран барилдаант, идэр залуу хүчтэн Өлзийбатын Даваабаатар харца­гаар тав давж начин цолыг хүртэн олон жил хүлээсэн түмнийг баяр­луулсан. Гуч, дөчөөд оны үед Идэрийн хүчтэнүүд төрийн наа­дамд бахтай байлаа. “Хамбын бор” хэмээн дуудуулж энэ л Бөхөн шарын нуруунаас бөхийн гараагаа эхэлсэн “Урт гарт” Маамын Лхагва арслан аваад олон хүчтэнүүд бий.

Хөвсгөл аймгийн Боловсролын хэлтсийн дарга Н.Баатар-Очир идэрхэн багш нараа дагуулаад ихэд сүсэг бишрэлтэй иржээ. Тэрээр Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул нэгэн юм байна. Нутгийнхаа зүг хараа сунгаж, тэртээд цэнхэрлэх уулсаа харж зогсоно. Ер нь олон хүн өөрийнхөө уулсыг эндээс олж харсан. Сал­хинд алгадуулан, дотоод эрчим хүчээ ер бусаар хуралдуулан зог­сох үед баруун урд зүгт, тэртээд тэн­гэрт цайлалзан Отгонтэнгэрийн бараа харагдлаа. Үгүй ээ, мөн сай­хан аа. Хангайн нурууны ноён оргил цаст Очирваань хайрханаа Бөхөн шарын нуруун дээрээс толь­доно гэдэг. Өөрөө хүч хөдөл­мөр гаргаж, төсөв санхүүг нь дааж, Хамба гэгээнийхээ сүншигтэй энэ л ариун дагшин газар дуун суварга бос­гон Идэрийн хөвүүн Л.Төрбаяр гэрэлт хөшөөний өмнө бахдал­тайхан сууна аа. Тэрээр Цогдор­жийн Бавуудорж, Тогтохын Сэр-Од хэмээх авьяас билэгт эрхэм хоёр дүүгээ дэргэдээ суулгачихаад мөн чиг долгилонгуй байна. “Бөхөн шарын нуруу” дээрх хоёр авьяас билэгт­ний бүтээл гэдгийг манайхан мэдэх билээ. “Морин хуур” наад­мын тэргүүн дуугаар тодорсныг ч мэднэ. Төрт ёсны баяраар уг дуу эгшиглэхүйд нэг л гэгээн бодол төрдөг нь юуных бол оо. Нүд­нийхээ мананг арилгаж, сэтгэлийн ариуслыг дээд зэргээр мэдэрчи­хээд Бөхөн шарын нуруунаас буусан даа.

Их уулсынхаа салхинд хийморь лундаагаа сэргээсэн харчуул су­мын төвийн улаан буланд ирж мэд­лэг боловсрол, авьяасаараа то­дор­сон багш сурагчдад шаг­налыг нь гардуулсан юм. Хамгийн гол шагнал болох мэргэжлийн багш нарын төрөлд тэргүүн байрыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын багш О.Сүнжидмаа тодров. Тэрээр улсын уралдаанд мөн тэргүүлжээ. Аварга бол аваргаараа л байдаг ажээ. Түүнийг шалгаруулж буй эрхэм докторуудын үнэлгээ мөн ижил байдаг ажээ. Сүнжидмаа багшид нэг сая төгрөг, алтан цом, “Багш дор мөргөмү” хэмээх цул эрдэнийн тэмдгийг боловсролыг дэмжигч “Лхагважав сан”-гийн тэргүүн гардуулсан. Түүний ард Орхон аймгийн Бүрэнтогтохын Нямсүрэн, Хөвсгөлийн Галтын Алтангэрэлийн Цэрэнхүү нарын багш нар цулбуурдуулж, өндөр шагналын эзэд боллоо. Мэргэж­лийн багш нарын тэргүүн шаг­налын санг ирэх жилээс нэг сая бус арван саяд ч хүргэх бодол байна гэж Л.Төрбаяр захирал хэлэхүйд уухайлсан олны дуу, хөөр баяр улаан булангийн дээврийг зад татах дөхсөн шүү. Ийнхүү баяр бахдалаар халгиж, билэг оюунаар жигүүрлэн, номын гэгээ гэрэл, их уулсын сүр хүчинд алгадуулан хэдэн өдрийг Идэрийнхээ хөвөөнд өнгөрүүллээ. Салхи нь зуу зуун жилээр тарнийн шидийг оршоосон билэг төгөлдөр нутагт улирлын сайханд ирээд буцахуйд нас хэдэн жилээр уртсах хувийг олдог билээ л.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Эх орныхоо төлөө амиа алдсан залуустаа мэхийн ёсолъё

Хаашаа л харна сон­гуу­льд нэр дэвшигчид болон намуудын дуу­лиан. Юу л сонснов Ерөн­хийлөгч асан хэрхэн ба­ривчлагдаж, “тэнд”  биеэ яаж авч яваа ту­хай дуулиан шуугиан хот, хө­дөө­гүй. Дээр нь жаг­саг­чид, суугчид, өлсгөлөн зар­лагсад, бүүр бай­чи­хаад төрийн эсрэг хуй­вал­даан зохион бай­гуу­лаг­сад гэхчлэн түмэн дуу­лиан, буман шуугиан. Ха­рин энэ их дуулиан шуу­гиан дунд гурван залуу түймэр унтрааж яваад амь насаа алдсан даруу­хан эмгэнэл, төрөл тө­рөгс­дийн гүн их уй гашуу­тай хамт сонсдож ядан дуулдана.

Тэд эх орныхоо төлөө алтан амиа алдлаа. Хэ­дий­­гээр цэрэг, цагдаа, онцгой байдлын албаны ажил амь настай холбоо­той байд­гийг мэддэг ч эдгээр алба­наас залуус бу­цаж няцаж байсан удаа­­гүй. Салхи эргэн улаан гал дунд хаяг­дах тэрүүхэн мөчид за­луус чухам юу бо­дож бай­сан бол. Ажлын туршлага болон үзсэн дуулснаас нь үзэхэд тэд “За одоо ч дүүрлээ дээ” гэдгийг лав л мэдэрсэн. Гэхдээ тэд үргэсэн адгуус шиг айж зугтаагүй. Эцсээ хүр­тэл амьд гарах боломж хайн хань, үр хүүхэд, ээж аав­даа бү­лээн зүсээ ха­руул­чих юм­сан хэмээн тэм­цэлдсэн нь мэдээж. Тэд эцсээ хүртэл тэмцсэн ч  даанч гал усны тэр их аюулын  өмнө хү­чин мө­хөс­дөн унажээ. Тэдний амьд мэнд бай­хын тө­лөөх тэмцэл бол эх ор­ныхоо төлөө тэмцсэн  тэм­цэл бай­сан юм.

Энэ за­луус бол мон­гол­чууд. Мон­­гол­чуу­­дын амьд мэнд, эрүүл са­руул, аз жаргалтай байх нь өөрөө Монгол Улс бүрэн бүтэн, айх аюул­­гүй, гай зов­лон­гүй байхын эхлэл билээ. Эх орныхоо төлөө амиа алд­сан эрэл­хэг за­луустаа мэ­хийн ёсолъё, ард тү­мээн. Та нар шиг баат­руу­дын эх орон би­лээ л, энэ  хөх Мон­гол.  

Ж.САНДАГДОРЖ

Categories
редакцийн-нийтлэл

Тавдугаар сарын дундуур мал махаа тушаадаг сан

Хуучин цагт мал мах
                     тушаана гэж найр
                     наадам шиг зүйл бол­дог байж билээ. Сумын төвд уул шиг дүнэгэр өвгөд энд тэндгүй сүр бараатай харагдаж, гуч дөчин ки­ло­метрийн цаанаас мориор эл­дүүл­сэн тарган шар, сувай үнээ­нүүд эврээ хаа нэгтээ сэжлэн аахи­лан зогсоцгооно. Өнөө хана­гар өвгө­дийн чинь морьд үс хөөв­рөө хэ­дийнэ хаячихсан, ногооны адуу ямар байдаг билээ дээ, тийм нэг омго­лон эрэмгий. Ер нь аль л хур­дан хурц, унаа сайтай, бас ч үгүй гоёо­той, задгай суман хатир­тай морь­доо мал мах тушаахад нутгийн хөг­шид болоод аавууд минь унаж ирдэг сэн. Сум орон нутгийнхан хөг­шин залуу, хүүхэд багачуудгүй мал мах­ны газар цуг­лана даа. Зарим нэг нь сониучир­хаж очдог л байсан байх.

Гэхдээ төв газрын ихэнх хүмүүс хө­дөө гадааны өвгөд хөгшдийнхөө мэн­дийг мэдэх гэж, ах дүү амраг са­дан­тайгаа уулзах л гэж очдог байв шүү. Өвгөдийн дунд, аавуу­дын хоо­ронд хаврын ногоон бо­роо­ны чийг­лэг амьсгал мэдрэгдэж, усан зэрэг­лээ татсан хөндийн зөөлөн элгэм­сүү салхи савир үнэрт­сэн яриа хөөрөө өрнөх нь гоё. Одоо санах нь ээ, тэдний хуучийг сонсож ээ суусан минь хамгаас жаргалтай, утга төгөлдөр хийгээд ухаан тэ­нийл­гэж урам зориг, хүч тэнхээ өгсөн цаг мөч байжээ. Хав­рын тэр­гүүн сарын шинэдээр зол­гож ча­даа­гүй, мэнд усаа мэдэлцээ­гүй, уулзаж учраагүй хүмүүс тэнд л уулздаг байсан санагдах юм. Га­най­­сан сайхан эрс халтар манан хөө­рөг зөрүүлж, төө цагаан соруул­тай гаансаараа тамхилж суугаад хол ойрыг хүүрнэнэ.

Өвлийг хэрхэн өнтэй давснаа, төл малын бойжилт ямархан зуны эхэн сартай золгож буйгаа хуучил­на. Тэгээд тухайн жилийнхээ зун хаа­на хаана зусаж, хичнээн насны морьд сойн хаагуур наадамлахаа хүр­тэл яриад авдаг байсан даа. Айраг­ны хөрөнгө хаана сайхан гар­сан тухай, гүүгээ хэзээ уях гэж буй тухай, за тэгээд морьдоо аль дэн­жид үсэргэн тарлаж, тэр жилийн наа­дамд хэний хүлгүүд өнгөтэй бай­хыг хэлэлцэж, хошуу сум дам­наж багагүй өндөр үнээр арилжаа­лагд­сан ажнай, сургуй мөнгөн хазаа­рын солионд хэн нэгнийх нь адуунд ирээд байгаа арилжаа сайвар үрээ морьд гээд ер юу эсийг хуучлах билээ.

Өөр хоорондоо гаансны най­маа гүйлгэхээ ч сийхгүй, үгүй ээ мөн су­мын төвийн бяцхан сууринд баг­таж ядан даналзах нь бий. Өвгөд хөг­шид болоод эрчүүдийн дунд иймэр­хүү яриа өрнөж, нэг хэсэг нь сонсч сонжиж суух ахуйд мал мах­ны хашаанд хөөгдөж ирсэн гаана­гар гуна, данагар шарнуудыг ээлж да­рааллаар нь л пүүлнэ шүү дээ. “Тэд­ний шар төдөн зуун килограмм та­таж гэнэ. Аа яа мундаг байна. Арга­гүй ээ, тэр гуай ч намраас хойш борд­сон доо” гэх цуу сум нэгдлийн ха­шаа­гаар тарж, хэсэгтээ л хуурай өвсөнд ассан түймэр шиг дэгдэхийг нь яана. “Дамдин тайжийн хүү Ишгомбо гэж хүний хар эрээн шар тэр жил долоон зуун наян килог­рамм татаж билээ” гэж ирээд л хү­мүүс ёс юм шиг хэлнэ. Цаанаа л ба­хар­халтай­гаар өгүүлнэ.   

Тийм л яриа хөөрөөн завсар шинэ­хэн махны үнэр ханхалж, уулын зэрлэг сонгиноор хачирла­сан хуушуурын үнэр төдөх юмгүй тархан, мал махны хашааны дэргэ­дэх нэгдэл дундын үйлдвэрийн хү­рэн дүнзэн байшингийн гадаа олон тү­мэн шинэ махны хуушуурын ам­тыг үзэхээр дараалал үүсгэж, до­туур байрны хэдэн муусайн хүүхэд аавыгаа, өвөөгөө, ус голын­хоо олныг бараадчихсан, хормой хо­тоос нь зуурчихсан цовоо цол­гиун алх­даг сан. Борцтой шөлнөөс уйдах тал руугаа хандчихсан зуны эхэн сараар тарган үхрийн махтай хуушуурын амт ямархан байх нь тодорхой. Сэлмэн эврээ сэрийлгэ­сэн хэдэн шар, өвөлжин хаваржин бордсон сувай үнээнүүдээ мал маханд тушаасан хүмүүс нормоо хэдийнэ биелүүлж илүү гарсан махныхаа мөнгийг баадагнаж ороо­­гоод бүсэндээ бөхийн зодог шиг зангидчихсан явна. Хүний өөрийн гэлтгүй бүхий л хүүхэд багачуулд шинэхэн махны хуушуурыг гулгитал нь идүүлж, дэлгүүр хоршоогоор дагуулж орон “Алтан шагай”, “Сарлаг” тэргүүт хорин дөрвийн чихрийг атга атгаар нь авч өгнө дөө. Хоёр нүднийх нь харц ер бусаар гэрэлтсэн багачуул  нэг их гоё эрээн алаг цаастай том том зөөлөн чихрийг өвөртлөх нь өвөртөлж, хормойлох нь хормой­лоод ангир шиг ганганалдан дотуур байр руугаа гүйлддэг байж билээ. Тэргүүн юу нь цавцайж харагддаг ханагар уулс шиг санчиг мөнгөн өвгөд оройхон хэрд үйсэн бөглөө­тэй архины ар руу даалимбан нударгатай дээлийнхээ ханцуйгаар жийрэглэсэн байртай ганц хүчтэй нуличихаад халмагхан суух нь сайхан. Зарим нэг нь цэрэгт морд­сон хүүгээ ирэхэд өгөх юм аа гээд ­хоршоонд урьдчилан захисан “улаан ийж”-ээс бор халзан зуутын дэвсгэрт газар дээр нь тоолж өгөөд л авч байсан цаг даа.     

Хөшөөтийн голоо уруудан Бат­сүх ажаа, Бавуу ажаа, Гүр өвөө нараа дагаж, ухаа халзан шарнуу­дын тоосон дунд хэдэн хязаалан гуна, ганц нэг бүдүүн шар нийлүү­лээд аав минь сумын төв ороод ирдэг сэн. Тийн ирэхдээ ихэвчлэн уургын хар морио унадаг байсан болов уу.  Хишиг-Өндөр сумын дан цагаан байшинтай бага сургуу­лийн босгыг алхсан жилийнхээ хавар гэр орон ижий ааваа санан нус нулимстайгаа холилдож явсан би мал мах авч буй сургаар нэгд­лийн хашааны ойролцоо цугласан олны дунд очихуйд хоёр ажаагийн дуу холоос цуурайтан, хүрэн тэр­мэн дээл, улаан дурдан бүстэй, ганган бүрх духдуулсан идэр за­луу­­хан аав минь уургын хар морь­тойгоо зогсож байсан дүр зураг одоо чиг нүдэнд илхэн байна. Аав­даа очиж золгох бүрийд тэрхүү за­луу­гийнх нь төрх бодол оюунд өөрийн эрхгүй гэрэлтэн буудаг нь учиртай. Мал махаа тушааж, хав­рын хариг цагт харшсан зүс царай нь тараг сүүндээ гэгээ татан шин­гэрч, ёстой л нэг нуруу нь тэнийн улирлын сайхантай  золгосон үл мартах өдрүүд нь байж шүү. 

Мал мах нормоосоо
                        давахын зэрэгцээ
                        дутна гэж аюул бий. Сум нэгдлийн нягтлан Манал гэж нэрэн­дээ таарсан бурхан шиг сайхан хүнд манай нутгийнхан ер хир халдаадаггүй байсаан. Тэр нь мал махны ажилтай л холбоотой. Дута­хын зовлонг амссан хүмүүс Манал гуайг л бараадна. Мань хүн төвөг­гүй­хэн зохицуулчихна. “Бүдүүн зоо” гэж нэршсэн сум нэгдлийн зоо техникч Дамдинсүрэн гэж бас л олны хайлан болсон, нургисан зөөлөн дуутай бүдүүн бор хүн байлаа. Түүнийг өвлийн тооны үеэр ч байна уу, ер хэзээ ч хамаа­гүй айл хунараар орж мал хуй, өвчин эмгэг гээд ажлаа барах­гүй явахад хөгшид “Өнөө жилийн хавар чанга болж магадгүй нь. Мал махны үеэр янз бүрийн асуудал гарвал “бүдүүн зоо” минь л аминд орно шүү дээ” гэхүйд “тэр болох байлгүй” гэхээс өөрийг хэлэхгүй. Нээрээ чиг болдог л байсан даа.

Мал мах дутна гэснээс нутгийн хөгшний яриа санаанаас гардаггүй юм. Балдан гэдэг шиг санагдана, Орхон түшээ мөрний урд руу Тээгийн голоор нутагладаг ганц бие хүн байж билээ. Мань хүн хичнээн ч тооны мал махны нормтой бай­сан юм бэ дээ, хангайн бүсийн нэгдэл гээд бодохоор хувьдаа дөчин таваас илүүгүй малтай байж таарна. Үндсэндээ 150 орчим килограмм мах тушаадаг байсан хэрэг. Говийн нэгдлийн бүсийнхэн далан тав, сангийн аж ахуйнхан хувьдаа арван зургаан толгой малтай л байсан үе шүү дээ. Тийм байхдаа л монголчууд махныхаа хэрэгцээг хэрхэн хангадаг байлаа. Одоо бол дэлхий нийтийн хэрэг­цээг малынхаа тоо толгойгоор хангах хэмжээний болсон шүү дээ. За тэр албаны тоо баримт яахав, өнөө өвгөний ярианаасаа хазай­чих­лаа. Мань хүн нормоо биелүү­лээд байж байтал ус голынх нь нэгэн эмэгтэйнх дутаж Балдангийн шарны махнаас гүйлгэхээр болсон байна. Түүнд нь Балдан хөгшин дуртай зөвшөөрч “Хүүхээд, ахын­хаа илүү гарсан махыг Дулмаагийн дутуу мах руу гүйлгэчихээрэй. Миний бөгсний ажил хэцүүдлээ” хэмээн гэрээдээ яарч олон түмний инээдийг барсан гэдэг.

Сумын төвд мал мах аваад дуусахад бага сургууль тарна. Аавууд хүүхдүүдээ мориндоо сунд­лах нь сундлаад, хөтөлгөө морьтой нэг нь дэргэдээ шувуу шиг дэргүү­лээд гэртээ харина шүү дээ. Тийм ахуй цагт хөндий талаар хөх ногоо­ны униар цэнхэрлэж, борооны үнэр нэг л дотноор ханхийн, санаа бодлыг яруусан цэлмэгшүүлээд зэлэнд хараахан уягдаагүй байгаа унаганууд адууны захаар  цахилж, сэргэлэн дэнжид буусан гэрээс ижий минь тосч гүйдэг сэн. Аргалын цэнхэр утаа эгц дээшээ олгойдохыг харахуйд гэр орон минь хичнээн дотно санагдаж ижий минь алчуу­раа явдал дундаа зангидан ирээд энхрийлэн үнсэхүйд хоёр нүдний нулимс яалт ч үгүй л сувдарна. “Ийм том сурагч чинь хэзээ уйлж байлаа” гэж ээж хэлэн баруун хацрыг минь үнэрлэн удаан гэгч үнсэнэ.

Тэгээд сая л нэг аав руу хандаж мал махаа хэрхэн өгсөн талаар асуун төв газрын сонин сайхнаас дуулна даа. Айл саахалтынхан ч манайд цуглаж аав минь хот хүрээ ороод ирсэн хүн шиг богцоо зад­лан торго даалимба, дүнсэн тамхи, дугуй булант, чихэр боов гээд авсан бүхнээ задлан хүн бүр л хөл хөөр болдог байж билээ. Мал махны цаг гэж жил бүрийн тавдугаар сарын дундуур ийм л нандин сайхан дурсамжийг хүмүүний амьдралд үлдээдэг байсан даа.

Н.ГАНТУЛГА    

Categories
редакцийн-нийтлэл

Хантайн нурууны ХАВАР

Гуртын гүүрэн дээр хаврын
          хахирган
салхи улин
          ис­гэр­сэн ч, хүрэн тэрмэн уулсынх нь тэртээд урин цагийн аяс будангуйрна. Гүүрэн доогуур на­миа­тан өнгөрөх Сэлэнгийн урсгал бодол оюуныг угаах шиг болно. Идэрмэг уулсын дундуур их усан цөнгөө түрэн алсрахыг харжээ зогсохуйд сэтгэлд тийм нэг дол­гилонгуй аяз өөрийн эрхгүй төрдөг байна шүү. Хатан­баатар Магсар­жавын нутаг Хутаг-Өндөр сум бол томоохон асар шиг ханайх хүрэн тэрмэн уулсын орон юм. Гучин гурван Гурт, гурван Хайлантай гэж нутгийнхан сумын төвийн урдах дүнжгэрхэн уулсаа нэрлэдэг. Гучин гурван гур нэгэн зэрэг дүүлээд өнгөрдөг данайсан гурван ам Хай­лантайн уулсад бий л дээ. Булган хангайн хойд талын сумдаар олонтаа явж, уулсын сүр хүчинд даруулсхийн хийморь юу­гаан сэргээн байсан ч очиж үзээгүй нэгэн газар нь Хантайн нуруу.

Тиймдээ, дөрөвдүгээр сарын аравдын урины шувуу шиг өдрүү­дэд тэр л сайхан нутгийг зорьж, улирлын зөөлөнд сэтгэл нэгэнтээ тунгалагшсан буюу. Сэлэнгийн хөвөөнд тулж очихын наагуур Ча­чир­тын шар ширэнгээр дайрч, Уул-Алтаадын барааг харан, Ханжар­галант хайрханы тэргүүн юунд сүслэн залбирч явсан. Дээрх нутаг Монголын урлаг, утга зохиолд өөрсөд шигээ тэлмэгэр уулсыг төрүүлсэн ариун дагшин газар юм аа. Дамдинсүрэнгийн Урианхай, Лхагвын Эрдэнэбулган, Батын Жавзандулам гээд өнөө цагийн ланжгарууд эдгээр уулсын хормойд унасан унага даага, хурга ишиг­нүүд билээ л.

Уул-Алтаадын бэлээр адуу мал налайж цаанаа л амгалан тайван. Хаврын талд гүү унагалжээ. Дөнгөж тэнцэж ядан байгаа нойтон унага эхийнхээ дэргэд цүүцэг цүүцэг гишгэл­нэм. Сэлэнгийн хөвөөнд хос ангир ганганаж, алтан шаргал далавчаа­раа мөсөн жингэлгийг алгадна. Эндээс л урин цагийн амьсгал мэдрэгдээд ирэх ажгуу. Гуртын гүүрэн дээр байх зоогийн газарт түр буудаллалаа. Үзэгдэх харагдах өнгөнөөсөө ч замын хүмүүсийн харааг булаахаар цэмц­­гэр байр ажээ. Манай баячуу­дын хувийн хаус шиг гээд хэлчихэд даваадсан болохгүй байх. Уг зоогийн газрын эзэн нь “Хантайн Жагаа” гэж нутаг усныхандаа нэрлэгдсэн дөч эргэм насны эр байна аа. Манай сонины “Шинэ цагийн монгол” гэж булан байдаг даа. Маш товчхоноор хэлэ­хэд, тэр булангийн шаардлагад яг таарсан нөхөр байгаа юм. Түүний орон нутагтаа хийж бүтээж, аливааг санаачилж, бусдыгаа хошуучлан зүтгэж, тариа ч тарьж, барилга ч барьж, бизнес эрхэлж, хувийн ком­пани удирдаж олон өрх айлыг өдрийн орлоготой, хоолтой ундтай явуулж байгааг нь харахаар яалт ч үгүй шинэ цагийн монгол шүү. 

Зоогийн газраас хөдлөн Сэлэн­гийн хөвөөнд түр саатаад Хантайн нурууг чиглэн давхилаа. Цуурай­гийн даваагаар дуу шуутайхан давж, хөндий уруудан хатируул­саар Цагаан бургастын өвөрт ха­вар­жиж буй Галсангийн Гарав­сүрэн гуайнд хүрч очлоо. Өдгөө нас сүүдэр дал гарсан буурал хөгш­нийхөө хамт хаваржаан дотроо төл малынхаа майлаан дунд биднийг угтсан юм. Гаравсүрэн гуайг айм­гийнхаа Хөдөлмөр, нийгмийн ха­ламжийн хэлтсийн даргаар олон жил ажилласныг мэдэх хүмүүс нь мэднэ. Мөн аймгийн намын хо­рооны даргаар ч арваад жил ажилласан байдаг. Нутаг усны олон түмэн “Гаравсүрэн дарга” гээд барагтайд хэр халдаадаггүй юм билээ. Энэхүү буурлын талаар өмнө нь олонтаа сонсож явлаа. Цагаан бургастынхаа өвөрт тэд­нийх өвөлжөөд хаваржчихдаг бай­на. Харин зундаа бол Нарийны голоо бараадна даа гэж гэрийн эзэн өгүүлж байв.

Гаравсүрэн гуайнх бага хүү­гийнх­тэйгээ айл байна. Морин цаг гозойж байхад өвгөнийд ирсэн. Гэвч хоёр буурал хотноосоо орж амжаагүй л байлаа. Гэв гэнэт унаа машин давхиад ирсэнд гайхаж, хот хүрээнээс хүүхдүүд маань л ирж байна даа хэмээн бодлоо гээд сая л нэг гэрийн бараа харав. “Би чинь энэ л сайхан уул усанд эхээс анх төрсөн юм. Сургууль соёлын мөр хөөж, санхүүгийн мэргэжил эзэм­шиж, залуу халуун насаа төр түмний­хээ төлөө зориулж, өвгөн буурал бүргэд болчихоод эргээд үүрэндээ ирдэг байна шүү. Манай Хантайн нуруу ч нөмөр нөөлөгтэй дүнэгэр хангай даа. Олон ч хүмүү­нийг нөмөрлөн оршиж байгаа” хэмээн Гаравсүрэн гуай хал үзэж, халуун чулуу долоосон хүний хувьд хэлж байлаа. Санчигных нь буурал үс хав­рын салхинд сэвэгнэх өвгөн бүр­гэдийн үгнээс “Нээрээ чиг үүрэндээ л эргээд ирдэг хорвоо доо” гэсэн бодол уураг тархийг эзэмдэх нь тэр ээ.

“Санхүүгийн техникумыг 200 гаруй хүүхэд төгссөн юм. Түүнээс зургааг нь яаманд шигшиж үлдээж байлаа. Тэр зургаагийн нэг би байсан даа” хэмээн өвгөн яриа эхлэв. Тэгээд Хөвсгөл аймагт хуваа­рилагдан, гэгээрлийн байгуул­лагынх нь одоогийн боловсрол, шинжлэх ухааны хэлтэст нь ерөн­хий нягтлан бодогчоор томилог­дон ажиллаж байж. Дараа нь ус нутагтаа ирж, Булган аймгийнхаа Хөдөлмөр, нийгмийн халамжийн хэлтсийг олон жил удирдсан байна. “Төрийн аппаратад гучин жил зүт­гэсэн толгой доо” хэмээн өөрийгөө маш товчоор тодор­хойлсон. Хаврын ногоо хараахан цухуйгаа­гүй, анхны яргуй ургаагүй байгааг тараг сүү бүрэл­дээгүй байдал шуудхан гэрчилнэ. Дөч гаруй үнээ тугаллахаас эхнээ­сээ улаан хал­зан тугалнууд гарч, хурга ишигтэй­гээ тоглосон шигээ хотондоо на­лайж байна. Зэргэлдээ хоёр дүнзэн байшин хийгээд өвөлжөөний хоо­рондох жижиг гэрээс утаа суунаг­лана. Тэр бол төлийн гэр. Үндсэн­дээ төлийн пүнз ажээ. Урьд шөнө төрсөн хурга, ишигнүүд гэрийн баруун хатавчинд турь муутайхан майлалдана.

 

Төлийн бойжилт ямар
                     байна вэ гэж
                     Гаравсүрэн гуайгаас сонир­хоход, ямар нэгэн байгуул­лагын жилийн тайлан танилцуулж байгаа мэт тунчиг нарийн тоо баримттай хариулт өгсөн шүү. “Хоёр зуу гаруй хонь хургалах юм. Түү­нээс одоо­гийн байдлаар 150 орчим нь хурга­лаад байна. Хур­ганы бойжилт төдөн хувьтай байна” гэж наашаа ч үгүй, цаашаа ч үгүй хэлдэг юм байна. Ганцхан хонь гээгүй. Төдөн ямаа ишиг­лэхээс одоо төд нь ишиг­лээд байна, төлийн бойжилт төдөн хувьтай гээд цааш нь үхэр, адуугаа ч хэллээ. Тэмээнээс бусад 1000 гаруй толгой малыг өвгөн хариулж байгаа ажээ. Ноолуурын үнэ өдрөөс өдөрт буугаад байгаа сурагтай, танайх ноолуураа хэдэд өгөв, хичнээн килограммыг ямаа­наасаа зулгаав хэмээн асуухад, томоо гэгч хар ширэн цүнхээ эрээн авдрынхаа мухраас гаргаж ирээд гялгар хавтсанд нямбайлан хийсэн данс тооцоогоо дэлгэлээ. Үгүй ээ, мөн нямбай өвгөн юм аа. “Манай энэ чинь юм л болбол хар цүнхээ гаргаад тооцоо бодоод суучихна. Мэргэжлийн онцлог нөлөөлж байгаа нь тэр. Хэдэн ямаагаа самнах гэж бөөн л тооцоо болно шүү дээ” гэж хөгшин нь тэр зуур хэлээд авлаа.

Өвгөн тэрхүү яриа хөөрөө, хатгаасыг нь тоож байгаа ч юм алга. “Манайх энэ жил гурван зуу гаруй ямаа самнасан. Нэг ямаанаас дунджаар 270 грамм ноолуур авсан. Ноолуураа нэг килограммыг нь 62 мянгаар өгсөн. Ноолуур маань таван сая гаруй төгрөг бол­сон” тухай мөн л нарийн тооцоотой хэллээ. Ноолуурын мөнгө бас бус орлогоо бага хүүгийндээ тушаадаг байна. Учир нь хоёр хөгшин бага хүүдээ хотод байр аваад өгчихөж. Мөн жийп машин хүлэглүүл­чихэж. Эл бүгдийг банкны тусламж­тай авчээ. Тэгээд л олсон хэдэн төгрө­гөө хүүгийнхээ зээлэнд өгдөг байна.

Аав ээжийнхээ ачийг бага хүү Гантулга басчиг сэтгэл хангалуун хариулж яваа эр бололтой. Тэрээр усан луу жилийн цагаан сараар “Сумын аварга уяач” гэх цолыг хүртэж ижий ааваа, ах эгч нараа баярлуулсан байна. Гадаах модон цэрэвтэй уяан дээр хэдэн морьд уяатай байсан нь Гантулгын хурдан хүлгүүд ажээ. Юуг нь нуух вэ, адууч аавын хүү би тэдгээр хүлэг морьдыг хараад хониных нь морьд юм байна гэж бодсоноо нуух юун. Гэтэл биш ээ. Төрийн наадамд гурав түрүүлсэн, Төв аймгийн Баян-Өнжүүлийн алдарт Ц.Ханддор­жийн хонгор халзан морины удам угшил тэрхүү модон цэрэвтэй уяан дээр хаврын салхинд дэл юугаа самнуулаад, хазаар дээрээ унтаж байсныг яахин мэдэх билээ. Хүү Гантулгынх нь байшингийн босгоор алхахад ажнай хүлгүү­дийнх нь зураг хөрөг, за тэгээд алтан шар­мал сугсарсан медалиуд хоймрыг нь бүрхэнэ шүү дээ.

Өнгөрсөн жилийн Хутаг-Өндөр сумын наадам Гаравсүрэнгийн Гантулгын наадам болсон гэхэд хилсдэхгүй. Ухаандаа, азарганы уралдаанд буурал, хонгор хоёр азарга нь нэг хоёроор цувж ирсэн байгаа юм. Нэгэн уяаны хоёр азарга сумынхаа наадамд зуузай холбонхон магнайдаа тоосгүй ирэхэд уяач нь бүү хэл, наадамчин олон баярлахгүй байхын аргагүй юм. Зөвхөн хусуур бүсэлж, зуны хэдэн сар бие сэтгэл нь уяан дээр өнждөг, зүүд нь хэдэн адууныхаа дэргэд хатирдаг уяачид олдох баяр хөөр, омгорхол бахархлыг Гантулга хүү олонтаа мэдэрч яваа нэгэн. Наадмын түрүү, түмэн эх бор азарга биднийг очиход уяан дээрээ байсан. Сум орон нутаг болоод бүсийн уралдаанаас айраг, түрүү барагтай л бол алд­даггүй хонгор морь ч мөн уяан дээрээ байсан. Тэдгээр ажнай хүлгүүд эрдэнийн наян найман шинж нь бүрдсэн адуу хэмээгддэг Ханддор­жийн хонгор халзан мо­рины төр­сөн дүү хонгор азарганы үр төл ажээ.

Гантулга уяач Хутаг-Өндөр сум, Хантайн нурууныхаа ойр хавьд хурдан удмын угшил бий болго­хоор, Булган хангайн адууныхаа үүлдэр угсааг сайжруулахын төлөө зүтгэж яваа иртэйхэн залуу байна лээ. Хурдан удмын адууны өлгий болсон Хэнтийн Галшар, Баян­хутаг, Сүхбаатарын Онгон, Эр­дэ­нэцагаан болон Төв аймаг, Өврийн хангай нутгаас Оросоогийн Мэнд­баяр ахынхаа хамт хурдын удмын азарга, гүү авч адуун сүрэгтээ нийлүүлжээ. Тэдгээр адууны үр төлөөс одоо хурдууд төрж байгаа гэнэ. Ус нутгийнхаа адууны цусыг, хүний цусыг сэлгэх шиг буянтай үйлс гэж юу байх билээ гэсэн бодол Хантайн нурууны өвөр бэлд, хав­рын тэргэл өдөр төрж байсан даа.

 

Залуухан уяачийн ажнай
              хүлгүүдээс сэтгэлээ түрхэн
              зуур холдуулаад нэгэн зүйлийг сонин болгож өгүүлье л дээ. Гаравсүрэн гуайн хууч дунд дурсагдаад өнгөр­сөн яриа юм. Тэрээр Санхүүгийн техникумын оюутан байх үеэ дур­саж байхдаа Мөөеө аваргын тухай цухас өгүүл­сэн юм. Гаравсүрэн гуайг гурав­дугаар курсийн оюутан байхад алдарт аварга тухайн сургуулийн босгыг алхаж байжээ. “Далбайсан шар нөхөр шуугиулаад байсан нь Мөнхбат байж билээ” гэж аваргыг нүдэнд харагдтал хэлсэн шүү. Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялааж байхдаа ихэд баярласнаа, өөрийнх нь хүртэж чадаагүй цол, хүрээгүй өндөрлөгт үр хүүхэд нь хүрч, най­ман хүүх­дийнх нь дундаас гавьяат цолтон төрж, улсын аварга тариа­ланч тодорч нутаг усандаа байту­гай улс орондоо нэртэй төртэй яваад нь ачийг нь хариулж байна хэмээн боддогоо өвгөн буурал дуулгаад авсан юм аа. Гаравсүрэн гуайнд ийнхүү нар хүүшилтэл хуучилж, уяач хүүгийнх нь хонгор мо­ринд эмээл тохон, Гурван бор­хууд уулын орой дээрээс Хантайн нурууны оргилыг дурандаж, хонь мал хо­тондоо ирэн хурга ишигний май­лалдах чимээнээр гэрийн эзэд­тэй хамт тоос манан татуулж, борц­той шөл уун, үхрийн хатсан хавир­га чануулж, төлийн гэрт галын дэргэд сэтгэл уядуухан суусан минь үнэн­дээ тэнгэрлэг байсан даа.

Дараагийн очсон айл маань өнөө жил “Улсын аварга тариа­ланч” хэмээн эрхэм хүндтэй цолыг хүртсэн Дүүрэнгийн Ганбаатарынх байлаа. Хантайн нурууны хаварт уусанхан уулын гол сад­ран урсахыг сонсож, улирлын сай­ханд бодол санаа цэнгэгшин буцах зуураа Цагаанбулангийн хөндий­гөөр дайрч Ганбаатар аваргынд түр саатсан минь тэр. Тэрээр арван зургаан настай банди илгээлтийн эзэн болж Магсаржав сангийн аж ахуйд анх ирж байснаа дуулган, өдгөө дөрвөн дүүгийнхээ хамт Цагаанбулангийн ногооны талбайг эзэгнэж буйгаа ярьсан юм.

Яриа хөөрөөнд тааруухан нэ­гэн олны дэмээр, ижий аавынхаа буянаар, дөрвөн дүүгийнхээ хүчээр улсын аваргын болзлыг хангалаа даа гэж байлаа. Ногооныхоо тал­байд төмс, байцаа, лууван, сонгино гээд тарихгүй ногоо үгүй гэнэ. Одоогоор гурван зоорь дүүрэн, Гаравсүрэн гуай шиг нарийвчилж хэлбэл, 100 гаруй тонн төмс хад­галаатай байгаа гэнэ. Энд тэндээс хүмүүс тав, арван тонноор нь захиалга өгөөд байгаа сурагтай.  Ганбаатар бол үе дамжсан тариа­ланч, ногоочин гэж байгаа. Аав нь Магсаржав сангийн аж ахуйд дөч шахам жил трактор, комбайн барь­сан аварга тариаланч ажээ. Тэд­нийх гурван хүүтэй гэсэн. Том хүү Ууганбаатар нь Орост уул уурхайн чиглэлээр, Путины тэтгэлгээр сурч буйг Ганбаатар гуай сонир­хуулсан юм. Улсын аварга тариаланч маань ногоо цагаа, тариа будаа тарихын зэрэгцээ дөрвөн дүү­гийнхээ хамтаар мал сүргээ тэгш сайхан өсгөж, бүгд тусдаа мянга шахам толгой малтай болжээ.

Ийм л нэг ажилч, ус нутгийн олондоо тус дэм, нөмөр нөөлөг болсон хөдөлмөрч сайхан айлуу­даар аяны дөрөө мултлан, хөдөө­гийн салхи савирыг залгилж, Сэ­лэнгэ мөрний хөвөөнд хос ангир ганганахыг сонсч, урин цагийн амьсгалд санаа бодол уясан, нялх төлийн дуу, нойтон унаганы цүүц­гэр алхаанд сэтгэл нэгэнтээ баяслаа. Хантайн нурууны хавар хавтай сайхан л байна даа.

  Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ТЕЛЕВИЗ Өвөр Монголын “Одон” телевизээс ч дор болжээ

Дэлхий дээр оршин тогт­нож буй монгол үндэстэн угсаатны цөм нь өнөөгийн Монгол Улсад бий. Хүн ам, газар нутгийн хэмжээгээ хар­сан ч, түүх соёл, өв уламж­лалаа бод­сон ч Монгол Улс яалт ч үгүй мон­гол үндэстний гал голомт юм.

Үүнийг дэлхийн өнцөг булан бүрт суугаа мянга мян­ган монгол үндэстэн угсаатан хүлээн зөв­шөөрч, эцэг дээд­сийнхээ нутаг, эх түүх рүүгээ цайны дээжээ өргөн сүслэн залбирдаг. Энэ талаас нь аваад үзэхээр Монголын үн­дэсний телевиз бол монгол үндэстний хамгийн том теле­виз байх учиртай. Үндэстнээ нэгтгэсэн нэвтрүүлгүүд ца­цаж, тэднийхээ оюун санааны эцэг байх ёстой. Бүхэл бүтэн улс үндэстний оюун санааны эцэг байна гэдэг үнэндээ том л доо. Тэрхүү хэмжүүрт маш нарийн төлөв­лөгөөтэй байж, алсыг харсан бодлого, холч ухаан зарж байж хүрэх билээ.

Гэтэл өнөөдөр Монголын үн­дэс­ний телевиз юун мон­гол үндэс­тэн угсаатны теле­виз байх, юун оюун санааны эцэг байх манатай. Өнгөцхөн харсан хэнд ч мэдээ мэдээ­лэл, нэвтрүүлгүүд нь голог­дож, тэгээд ч зогсохгүй улс төрийн аль нэг хүчин рүү, бүр тод­руулж хэлбэл, өнөөдөртөө төрийн эрхийг барьж буй Монгол ардын нам руу гуйвж байгаа нь илт анзаарагдах юм. Үндэсний телевизийг асаан­гуут л эрх баригч намын гишүүд малийтал гарч, өөрс­дийгөө суртал­чилж, Ардын намын Засгийн газ­рын тэр­гүүн болоод бусад гишүүд нь зогсоо зайгүй үзэгдэнэ. Хий­сэн бүтээснээ тэргүүнд тавин магтаж, тэдний ажлыг хэн нэгэн нь арай ч дэндмээр үнэлж мандуулж байх юм. Ингэж үндэсний телевиз маань эрх баригч намын дуу хоолой болж байгаа нь үнэн­дээ жижигдэж хараг­дах бол­лоо. Улаан цагаан ингээд хэлчихээр “Бид мэлээллийн тэнц­вэрт байдлыг хадгалж байна. Олон нийтийн гэх үүр­гээ сайн биелүүлж байгаа” гэх зэргээр хариулт өгөх байх л даа. Гэвч үнэн байдал дээрээ ямар байгааг энгийн иргэн ч хэлнэ шүү дээ. Хэнд үйлчилж, ямар улс төрийн хүчин рүү хазай­гаад буйг бүгд л мэдэж байгаа. Үнэндээ Ардын нам бол монгол төрийн толгой нам биш. Монгол үндэстний нам бүр ч биш. Монгол дахь олон намын л нэгэн. 

Үндэсний телевизийн нэвт­рүүл­гүүд, мэдээ мэдээлэл нь үнэ­хээр чамлалтай санаг­дах юм. Гялтайх ганц ч нэвт­рүүлэг алга шүү. “Тусгай са­лаа” кино унтаж байсан төв телевизийн эфирийг нэгэнтээ сэрээж, урам нь мөхсөн олны сэтгэлийг бага ч болов хө­дөлгөсөн байх. Харин манай үндэсний теле­визийн хажууд Өвөр Монголын “Одон” те­левиз Монгол үндэстний те­ле­виз шиг харагдах юм гэвэл хэтрүүлэг болохгүй. Эфирийн соёл, өнгө зүс, нэвтрүүлгийн даац, газар дээрээс хийсэн сурвалж­лагууд нь яах аргагүй ялгарах юм. Уран бүтээлч­дийнх нь аялга  ч харчин байснаа болиод халх болсон шүү. Тэдний ярьж хэлэх нь монгол үндэстэнд маш то­дорхой ойлгогдохоор болсон. Наад захын жишээ татахуйд, “Одон” телевиз цаг агаарын мэдээгээ танилцуу­лах­даа Хархорин, Элстэй, Хөдөө арал, Байгал нуур, Хөвсгөл нуур гээд монгол үндэстний­хээ бүхий л сайхан газруудыг зурагтай хөрөг­тэй нь гаргаж “маргааш төдөн хэм халуун хүйтэн, цастай бороотой бай­на” гэдгийг нь үзүүлчихэж байгаа юм. Зөвхөн эндээс харахад цаг агаарын мэдээл­лээ дан ганц өвөр монгол­чуудад бус дэлхийн өнцөг булан бүрт байгаа үндэстэн угсаатнууддаа үзүүлж байна. Ийм л сэтгэлгээгээр тэд хан­даж байна. Энэ бүгдээс ан­заа­рахуйд, Өвөр Монголын “Одон” монгол үндэст­ний телевиз гэж өөрийн эрхгүй бодогдохоор. Бодогдох юу байхав, тэгж харагдаж байгаа хэрэг. Гэтэл манай үндэсний телевиз цаг агаа­рын мэдээл­лээрээ хэдэн аймаг, жалга дов­ныхоо байр байдлыг л үзүүл­дэг шүү дээ. Яагаад Хөх нуурт төдөн хэмийн ха­луун­тай, Жир­мийн хо­шуунд төдөн хэ­мийн хүйтэнтэй, бүр цааш­лаад Халимаг, Буриадад цаг агаар тийм байна гээд хэлчи­хэж болдоггүй юм бэ. Зүй нь монгол үндэсний том амбийц, сэтгэлгээ дутаад бай­на.

Оройн 23 цаг болов уу, үгүй юу эфирээ хааж байдаг. Их удлаа л гэхэд шөнийн 00 цаг хүргэдэг биз дээ. Ийм үндэсний телевизтэй улс орон дэлхийд байдаг юм уу. Бүтэн хорин дөрвөн цаг эфир нь нээлттэй байж хувь хүнийг омогшуулсан, монгол үндэст­нээрээ бахархсан, эцэг дээ­дэс өв уламжлал, түүх соёлоо бахадсан тийм л нэвтрүүл­гүүд цацаж баймаар санагдах юм. Дээрээс нь манай үн­дэсний телевиз чинь улсын төсвөөс татаас авдаг томоо­хон хөрөнгөтэй бай­гуул­лага хэрнээ олон нийтийг хамар­сан, дуулиан шуугиан тарь­сан үйл явдын мөрөөр газар дээ­рээс нь нэг ч сурвалжлага хүргэ­дэггүй. Эфир анх нээгд­сэ­­нээсээ хойш газар дээрээс нь томоохон сурвалжлагууд хүр­гэж байсныг санахгүй юм. Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлыг харин инженер техникийн баг явуулж, өөрсдийн уран бү­тээлч­дийн дуу хоолойгоороо хүргэсэн байдаг. Мэдээж орос ах нарын нөлөөгөөр тэр. Тэрхүү үйл явдлыг эс тооцвол үндэсний телевиз байгуу­лагдсан цагаасаа хойш ха­луун цэгээс нь сурвалжилсан уран бүтээлчдийн хэллэгээр хиншүү хярвас хан­халсан сурвалжлага ховор байх шүү.

Өнөөдөр “Цагийн хүрд” мэдээл­лийн хөтөлбөрөөр нь хөдөө орон нутгийн сурвалж­лага гардаг. Гэтэл инээдтэй нь Их хурлын гишүүдийн унаа тэрэг, мөнгө төгрөгөөр явж сурвалжлага бэлтгэдэг гэж байгаа. Тэгээд жижигхээн мэдээ дундаа өнөө гишүүдээ сүрхий магтаж байгаа харагд­даг. Өөрсдөө хөрөнгө мөнгө, унаа тэрэг гаргаад хүч хөдөл­мөр зарцуулаад сурвалжлага бэлтгэчих тийм сэтгэл Мон­голын үндэсний телевизийн­хэнд дутаад байдаг. Хэдэн сэтгүүлчдээ ээлж ээлжээр нь гишүүдийн машинд чихэж хөдөө явуулчихаад, тэдгээр гишүүдийн тойргоос ганц нэг мэдээлэл бэлт­гүүлчихээд ажлаа сайн яваад байна гэж бодоод байдаг юм бо­лов уу.

Үндэсний телевиз маань хуу­чин цагт “Орбит”-ын завс­раар зургаан цаг мэдээллээ цацдаг байсан бол өнөө цагт арилжааны хэдэн телевиз болоод “Одон” теле­визийн завсраар арваад цагийн  мэ­дээлэл цацдаг болж дээ. Ингэж үндэсний телевиз маань доош орох гэж. Ингэхэд манай нөхөд үндэсний гэсэн, олон нийтийн гэсэн статусаа нэг л сайн ойлгохгүй байна даа. Улс төр биш иргэний мэдээлэл үргэлж гарч байх учиртай шүү дээ. Улс төрөөс өөр мэдээлэл гэхээр их сайн­даа хэдэн хүн цуг­луул­чихаад уур уурхай болон хувьдаа хөрөнгөжсөн хүмүүсийг элд­вээр зүхээд сууж байх юм. Редакцийн уулзалт нэрээр шүү дээ. Ингэж Монголын үндэсний телевиз нэг улсын өөртөө засах орны теле­ви­зээс дор сэтгэж, дор ажиллаж байгаад өмнөөс нь ичих юм. Үн­дэст­ний том амбийцтай байж сур­вал яасан юм бол.  Үзэгч олон ард түмэндээ үндэстний сэтгэхүй суул­гаж өгөөч. Ядахдаа өч төчнөөн тооны эх оронч сэтгэлгээ ханхал­сан, үзэгч түмнийхээ оюун санааг нь нэвт өөрчил­сөн, үндэстнийхээ бахархлыг харуулсан реклам шторк бэл­дэж түүнийгээ цацаж байвал хүүхэд залуучуудад хэрэг­тэй. Эфирийн соёл, сахилга бат гэх зэрэг нь жирийн арил­жааны теле­визүүдээс ялга­рах юм алга. 

За тэгээд хамгийн гол нь мэ­дээллийнхээ чанар чан­сааг өөр­чилмөөр байна. Монголчууд бид тухайн өдөр монгол үндэстэнд юу болж байгааг ухаандаа, Элстэйд юу болж байгааг, Хөх нуурын монгол­чууд хэрхэн аж төрж буйг үндэсний телевизээсээ мэддэг баймаар. Дэлхийн өнцөг булан бүрт байх мон­гол үндэстэнд юу болж бай­гааг монголчууддаа цаг минут бүрт мэдээлж байх нь Мон­голын үн­дэсний телевизийн үүрэг бус уу. 

Тэгтэл үндэсний телевиз маань дүлий хүн шиг таг дуу­гүй. Улс төрийн мэдээлэл нялайтал цацаад, цацах мө­рөөрөө цацахгүй аль нэг нам руу хазайгаад мөн ч өрөвд­мөөр харагдах юм. Үндэсний теле­визийн уран бүтээлч нөхөд минь үндэстнийхээ хэмжээнд сэтгэж, бүргэд юм бол жаахан дээгүүр нисч алсыг хараач. Үндэсний те­ле­­визээ харж дургүй хүрээд байж байтал “Одон” телевиз баяр баясгалан төрүүлэх юм. Харагдах үзэгдэх өнгөнөөсөө л монгол үндэстний телевиз гэж мэдрэгдэхээр юм. Жин­хэнэдээ “Одон” чинь нэгэн том гүрний хараанд байдаг  жижиг теле­виз шүү дээ.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Г.Аюурзана: “Шүгдэн” романаа Ажиа гэгээнд зориулсан минь учиртай шүү

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч, орчуулагч ГунАажавын Аюурзанатай ярилцлаа.

-“Шүгдэнхэмээх шинэ роман тань хэвлэгдээд удаагүй байна. Нэрээс нь харахад, буд­дын шашны ертөнцөд ихээхэн маргаан тарьж буй этгээд өвөр­мөц шүтээний тухай гэж ойлгогд­моор. Гэтэл яг зохиол дээрээ Доржшүгдэнгийн тухай маш бага гардаг юм билээ шүү дээ?

-Зохиолд
нэр өгдөг янз бүрийн л арга байна л даа. Жишээлэхэд, Ойрадын Зая бандид Намхай­жамцын намтар “Сарны гэрэл” хэмээх судар бий еэ. Зая бандид нэгэнтээ олон ламтай ном хаялцаж л дээ. Тэгээд их гүүш аргагүй товойж ялгарахад нэг лам “Од хичнээн олон байвч сарны гэрэл аргагүй илүү юм аа” гэж дуу алдсан гэдэг. Энэ явдлыг дурдаад, мөнөөх судрыг “Сарны гэрэл” гэж нэрлэсэн учиртай. Тэгэхээр, нэрийг уншмаг­цаа л сартай шөнийн тухай ном байх гэж бодож болохгүй нь байна шүү дээ(инээв). Пэрэнлэйн Лувсан­цэрэнд “Сарны сонат” гээд нэг өгүүллэг бий. Бетховены хөгжмийн тухай биш, зүгээр л гол баатар сэтгэл доноголзон сууж ахуйд радиогоор тэр аялгуу явж байдгаас үүдсэн нэр. Яг л тэр мэтчилэн, миний романы дотор нэг лам учир битүүлгээр үхчихдэг. Талийгаач лам Шүгдэн тахидаг байсан нь явцын дунд тодорхой болдог юм. Тэгээд л романы нэр болчихсон хэрэг.

Гэхдээ лШүгдэн“-гийн ту­хай нэлээд содон санаа дэв­шүүл­сэн юм шиг санагдсан?

-“Шүгдэн”
гэдэг нэртэй зохиолд Шүгдэн сахиусны тухай юу ч гарах­гүй бол хаашаа ч юм бэ дээ, тийм ээ. Тэгээд ч романы үйл явдал тэр шүтээний талаар уншигчдад бага сага мэдээлэл өгөхийг шаарддаг. Энэ яг ямар учиртай шүтээн боло­хыг миний гол баатар ч мэддэггүй л байсан. Тэр тухай ойр зуур ойл­голттой болж байж л Сэржамцын мөрдлөг утга учиртай болно шүү дээ.

Сэржамц бол Өвөр Мон­голоос Гүмбүм хийдэд хүн ами­ны хэрэг мөрдөхөөр очиж буй, мөрч нохой сургагч гэдгийг таны романыг уншиж амжаагүй яваа хүн сайн мэдэхгүй байж мэднэ. Тэгэхээр хоёулаа эхлээд рома­ны үйл явдлаас товчхон шиг танилцуулах уу?

-Роман
хоёр хүний шугамаар өрнөж байгаа. Нэг нь нохой сургагч өвөрмонгол цагдаа Сэржамц, нөгөө нь талийгаач ламын дотнын анд Саманд. Сэржамц анх удаа Гүмбүм хийдэд хүн амины хэргийн томи­лол­тоор очдог. Нохой нь үхсэн тул хэрэг мөрдөх ажил бүтэлгүйтээд буцдаг. Гэвч хувийн шугамаараа Гүмбүмд дахиад ирж Саманд лам­тай танилцдаг. Тэгээд хүн амины хэргийн учрыг ч олдог, буддын шашныг ч бага сага ойлгодог. Харин нохойныхоо үхлийн учрыг хэзээ ч олж мэдэлгүй үлдэнэ.

Би зохиолыг уншиж байхдаа Хуанди хэмээх алдартай мөрч нохой яагаад үхсэнийг олж мэднэ дээ л гэж найдаад байсан. Гэтэл их ойлгомжгүй төгсчихсөн. Тэр нохой яг яагаад, гэнэтхэн үхээд хоносон бэ?

-Харин
би өөрөө ч мэдэхгүй байгаа юм. Дарамбал буюу талий­гаач лам л дуудчихсан болов уу.

Дарамбал үхсэнийхээ дараа Шүгдэн бурхны нохойд хөөгдөн зугтаж байхдааНадад ч бас уна­чих нохой бий шүүгэж хаш­гирдаг. Тэр нь нохойг үхэлд дуудаж байгаа хэрэг үү. Уг нь өөрийнхөө тэжээсэн түвд бан­харыг дуудмаар юм. Гэтэл яагаад цагдаагийн мөрч нохой дуудагдчихав?

-Чи
тун гярхай уншсан байна шүү. Бидний амьдрал дандаа л санаанд ороогүй, гэнэтийн то­хиолд­лууд дунд өнгөрдөг шүү дээ. Би романаа аль болохуйц жинхэнэ амьдрал шиг, ойлгоход хэцүү, учрыг нь олоход ярвигтай, бас хэзээ ч тайлагдахгүй нууцуудтай байгаасай гэж хүссэн. Хүн бүр өөрийнхөөрөө л тайлж уншин, өөрийнхөөрөө л дүгнэх хэрэгтэй. Амьдрал гэдэг хэн нэгний заавар, жороор явдаггүй. Аливааг бид өөрсдийнхөөрөө л ойлгож ухаар­даг биз дээ?

Та номынхоо эхэндАжиа гэгээнд зориулавгэсэн байна. Энэ хүнийхээ тухай уншигчдад жаахан мэдээлэл өгөөч?

-Дуртай
яа. Ажиа гэгээн бол миний таарч уулзаж байсан лам хуврагуудын дотроос хамгийн амьд үнэмшилтэй санагдсан, ер бусын сайхан сэтгэгдэл, хүндлэл бишрэл төрүүлсэн хүн. Анх Өлзий бид хоёр 2006 онд Индианагийн их сургууль дээр уншлага хийх үедээ нүүр учирч байлаа. Дараа нь хэд хэдэн удаа ярьж хөөрөлдөх завшаан таарсан. Тэр хүний дурсамжийн ном монголоор орчуулагдаж хэв­лэг­дэхэд ерөөлөөр ч гэх үү редак­торлох аз таарсан даа. Блүүминг­тон дахь номын өргөөнд нь ч, бүр миний төрсөн нутаг Баянхонгорт ч уулзалдаж байв. Ажиа гэгээн бол богд Зонховын эцгийнх нь хувил­гаан дүр, Амдо Түвдийн нутаг дахь алдарт Гүмбүм хийдийн эзэн лам. Хятадад байхдаа Хөх нуур мужийн дэд захирагчийн зиндааны албанд томилогдож, Бүх Хятадын буддис­туудын холбоог ч тэргүүлэх бо­ломж­той таарч асан хүн. Гэвч үзэл бодлоо Засгийн газраар хянуу­лах­гүй гэсэндээ асар их зориг гарган Хятадаас зугтан гарсан юм. Гүм­бүмд тэр хүний нэр хүнд маш өндөр. Одоо хэр л Ажиа гэгээний нэрийг сонсоод лам нар нь биш­рэлтэйгээр залбирдаг юм билээ. Ажиа гэгээнийг явснаас хойш тэр хийд их өөрчлөгдсөн гэлцэхийг ч сонссон. Тийм үг л ийм роман бичих түлхэц болсон л доо.

Хятадаас зугтаж гарсан хүнд зориулсан болохоор хята­дуу­дад тааламжгүй санагдаж магадгүй дээ?

-Хятад
хүмүүст тааламжгүй зүйл миний роман дотор ерөөсөө байх­гүй. Үйл явдал нь Хятадад өрнөж байгаа боловч иймэрхүү явдал аль ч улс оронд гарах магадлалтай. Хятадын эсрэг санаа бодлоор биш, дарангуйлагч тогтолцооны эсрэг, хувь хүний болоод үндэстэн ястны эрх чөлөөний төлөөх үзэл бодлоор л бичсэн зохиол. Дарангуйлагч тогтолцоо гэдэг гагцхүү коммунист төр засаг биш. Ялзарсан улс төрд тархиа хордуулаад, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх зүрхгүй бол­чих­сон хүмүүс манай Монголд ч хаа сайгүй бий шүү дээ. “Үнэн бодлоо хэлчихвэл хэн нэгний эрх мэдлийг хөндчих вий” гэж болгоомжилсон хүмүүс сүүлийн үед бүр ч олшроод байгаа юм биш үү?

Зөвхөн зориулсан хүн нь ч биш, бас гарч буй дүрүүдийн дотор Хятадыг эсэргүүцэгчид олон байна. Дэ вангийн түүх, Хүчинтөгс, гэрийн хорионд орсон гэгээн, бас амьдаараа зулын гол болж шатаж буй түвд лам гээд л

-Би
нэг сонин зүйл хэлье. Энэ роман дахь зохиомол зүйл, бодитой явдал хоёр бараг л тэнцүү. Өвөр монгол цагдаа, Гүмбүмийн залуу лам хоёроос бусад нь жин­хэнээсээ бодит хүмүүс. Ажиа гэгээн, Дэ ванг бол манайхан сайн мэддэг болсон. Цаана нь гарч буй тэр Хүчинтөгс гуайтай ч, Сэрдог гэгээн­тэй ч би уулзаж байсан.

Тэгэхээр энэ хоёр дүр, тэд­ний яриа үйлдэл алхам цөм бодит явдал гэж үү?

-Хүчинтөгс
гуайг ном зарж явахад нь таарч танилцсан. Яг л Сэржамц шиг. Сэржамц түүнээс Ордос дууны ном худалдаж авч байгаа биз. Би өөрөө тэр номыг авсан юм. Дараа нь бид нэг цахар эзэнтэй цайны газар сууж, оройжин­гоо хуучилсан. 2005 оны хавар шүү дээ. Тэр үед би хоёр найзтайгаа нийлж “Үндэсний үзэл бодол” гэдэг сэтгүүл гаргаж үзсэн юм. Хүчинтөгс гуайн яриаг сийрүү­лээд нөгөө сэтгүүл дээрээ тавьчих­лаа. Нэг их олон хүн олж үзээгүй, олигтой ч зарагдаагүй сэтгүүл л дээ. Бид арайхийж гурван дугаар гаргаад л ажил маань зогссон. Харин Хятадын талаас сэтгүүлийг маань их анхаарч уншсан юм шиг байна лээ. Тэгэхэд маш ядуу зүдүү амь зууж явсан Хүчинтөгс гуайд сэтгүүл гарсны дараахан Ордос хотын төвд гурван өрөө шинэ байр олгосон гэсэн. Тэгээд “Улс чамд байр өгч байна. Хойшид улс орны­хоо тухай буруу санаж явдгаа болиорой” гэж зөвлөсөн ч гэл үү, тиймэрхүү сураг сонссон шүү. Хүчинтөгс гуай намайг бүр хүүгийн­хээ хуримд урьсан удаатай.

Сайхан түүх байна шүү?

-Тийм
ээ. Хожим миний амьд­ралын хамгийн бахархам дурсам­жуу­дын нэг нь огт зарагдаагүй сэтгүүлд бичсэн тэр нэг тэмдэглэл болох байх гэж боддог юм. Хүчин­төгс гуай бол 1981 оны алдарт бослогыг удирдаж явсан, түүнээсээ болоод насан туршаа хавчигдсан, бурангуй дэглэмийн эсрэг зоригтой сөрж зогссон, жинхэнэ үндэсний эх оронч үзэлтэн дээ. Бүр 1991 онд Баабарын “Бүү март, мартвал сөнөнө”-ийг монгол бичгээр буул­гаж тараасныхаа төлөө баривчлаг­дан шоронд орж байсан гээд бодохгүй юу. Тэр дүргүйгээр миний роман цогц болж чадахааргүй байсан л даа.

Сэрдог гэгээн ямар хүн бэ. Яг л таны романд гардаг шиг үү?

-50:50 хувьтай. Үнэхээр л гэртээ энгийн хар хувцастай сууж байхтай нь таарсан. Миний номонд бол их яриа хүн гарч байгаа. Жинхэнэ Сэрдог гэгээн тийм биш, барагтай л бол үг унагахгүй шүү. Бишрэл төрмөөр, магадгүй сүрдмээр, нэг л ер бусын хүн. Тэр гэгээнтнийг би дотроо төсөөлж явдаг онцгой ламынхаа эх дүр болгож бичсэн. Сэржамцыг явахад бэлэглэж буй зүйлс бол одоо манай гэрт байгаа жинхэнэ Сэрдог гэгээний дурсгал л даа.

Тэгвэл Сэржамцын эх дүр та юм биш үү?

-Яалаа
гэж дээ. Сэржамц бол өвөр монгол сэхээтнүүдийн нийтлэг дүр. Би яг иймэрхүү, бүх зүйл нь хаалттай, хайрламаар, өрөвд­мөөр, олон хүнийг танина. Ер нь өвөр монголчууд дотроо нэг хүн, гаднаа тэс өөр хүн явдаг. Юу хүсдэг, юу боддог, юунд тэмүүлдэг нь хэнд ч ил биш. Тэгж явж л өөртөө болон ойр дотнынхондоо хал балгүйхэн шиг амьдардаг юм шиг. Миний баатрын гэр бүлийнх нь амьдрал ч гэсэн колоничлогдсон гэр бүлийн дүр төрх шүү дээ. Сэржамцын эхнэр шиг яг тийм эмэгтэйг ч би танина.

Тийм үү?

-Үнэн
шүү. Гэхдээ би сексийн амьдралыг нь мэдэхгүй л дээ. Тийм болохоор “Шүгдэн” романд секс гарахгүй байгаа юм.

-“Бөөгийн домог“-т ч, таны урьдын романуудад секс нэлээд гардаг. Тийм болохоор Саманд лам анх талийгаач андынхаа дүү бүсгүйг хараад ухаан алдаж унахад, тэдний хооронд ямар нэгэн юм болох нь дээ гэж бодогд­сон?

-Би
ч бас тэр хэсгийг бичиж байхдаа Саманд лам энэ хүүхнээс болж сахилаа гээх нь дээ гэж бодсон. Гэвч Саманд бол жинхэнэ лам хүн шүү дээ. Бид жинхэнэ ламтай бараг л тааралддаггүй болохоор тийм лам байдагт итгэхээ ч больцгоочихож. Гэхдээ Саман­дын дурлал гоё байгаа биз дээ?

Тийм ээ, сэтгэл хөдлөм бай­сан. Бас тэр Сэрдог гэгээн бага­даа Түвдийн Дашлхүмбэ хийдэд нэг үзэсгэлэнтэй охин хардаг тухайгаа дурсдаг хэсэг

-Жинхэнэ
лам хүн л тийм ариух­наар дурлаж чадах байх. Номд нэвтэрсэн хүний хувьд бус­даас сайхан зүйлийг олж харах нь л чухал. Өөр элдвийн хүсэл бол тэдэнд харш.

Та энэ романаа бичихийн тулд бурхны шашинд нэлээд автсан байх аа?

-Автсан
шүү. Сэрдог гэгээний бэлэглэсэн Гүмбүмийн найман сувар­ганы шармал дүрсийг харан, орой бүр мөргөдөг байсан. Мөргөл хийх зуураа романыхаа үйл явдлыг ургуулж бодно. Эхэндээ гэмт хэр­гийн учигт илүү анхаарч байснаа сүүлдээ мөргөж хэвшээд ирэхээр тэр аллага маллага огт сонин биш юм байна, гол нь л хүн ёсны, хүний эрхэм дээд чанарын тухай бичих нь л миний үүрэг юм байна гэж бодох болсон. Ер нь би хоосон чанар, үйлийн үр хэмээх хоёр ойлголтын гайхамшигт сэтгэлгээг биширсэндээ л энэ романыг бичсэн юм шүү дээ. Өмнө нь би өөрийгөө огт шүтлэггүй гэж боддог байсан. Харин романаа бичих зуураа бараг л шүтлэгтэй юм байна гэдгээ мэдсэн.

Бараг л гэнэ ээ?

-Бараг
л. Мухар сүсэггүй, чин сүсэгтэй болсон. Тэгэхээр өөрс­дийгөө жинхэнэ шүтлэгтэй хүн гэж үздэг хүмүүсээс арай л өөрөөр “бараг л шүтлэгтэй” гэе.

Хүний шүтлэг бишрэл тийм амархан хувирдаг зүйл гэж үү. “Бөөгийн домог“-ийг бичиж байх­даа та бараг л бөө болчихсон гэдэгт эргэлзэхгүй байна?

-Бөө
мөргөлийн үзэл санааны гайхамшиг бол маргашгүй зүйл. Тэр тусмаа монголчуудын тэнгэр шүтлэгийн дээд ололтуудын нэг “Нууц товчоон”-ыг уран зохиолын хосгүй бүтээл гэж бишрэн үздэгийн­хээ хувьд ч, яруу найраг онгодын оролцоотойгоор бичигддэг гэдэгт хатуу итгэдгийнхээ хувьд ч би бөө мөргөлийг бурангуй зүйл гэж хэзээ ч бодохгүй. Тэгээд ч лам, бөө хоёр дээд түвшиндээ бол нэг л юм шүү дээ. Аль аль нь оюун санааны үзэгдэл, оюун санааны ертөнцийн төгөлдөршил. Мэдээж, зан үйл, ертөнцийг төсөөлөх үзлийн хувьд ялгаа их бий. Тухайлбал, бөөгийн ёсонд сүнснүүд очиж оршдог харан­хуйн орон гэж тусдаа бий гэж үздэг бол, ламын ёсонд сүнс нь энэ ертөнцийн амьтдын биесийг дам­жиж явдаг гэж тооцогдоно. Онгод гэдэг нь тусгай хил хязгаартай сүнсний ертөнцийн заагийг нэвтэрч чадахуйц увдис олсон онцгой бөө нарын сүнс юм. Гэтэл яг ийм онцгой оюунт сүнсний тухай ойлголт бүх шашинд байдаг. За, тэгээд хуурамч түвшиндээ ч лам, бөө хоёр адил­даа адил, годилдоо годил шүү дээ. Номгүй лам, онгодгүй бөө хоёр бол луйвар л бодно уу гэхээс мөн чанар бодохгүй.

Шүгдэн сахиус гэдэг чинь бөө нарын хэлдгээр бол онгод юм аа даа. Таны романдгэгээр­сэн сүнс бол онгодгэсэн байна лээ.

-Тийм
ээ, Шүгдэн сахиус гээч нь нэг их эрдэмтэй чойжингийн онгод юм байна лээ. Түүх нь үнэхээр сонирхолтой л доо. Гэхдээ миний ном бол Шүгдэн шүтээний тухай биш, монгол үндэстний хувь заяа­ны тухай зохиол. “Бөөгийн домог” ч гэсэн бөөгөөр дамжуулж буриад түмний колоничлогдсон дүр төрх, эмгэнэлт хувь заяаг хөндсөн роман.

Буриадын тухай, Өвөр Монголын тухай нэг нэг роман биччихлээ. Өөр төлөвлөгөө байгаа юу?

-Монгол
үндэстний таслагдал хэрчигдэл бол уг нь мөнхийн сэдэв л дээ. Гэхдээ одоохондоо ингээд зогсозноё доо. Бодож уншдаг хүнд бол энэ хоёр роман хангалттай. Өгүүллэг, туужийн нэг ном цэгцлэх санаатай. Энэ ондоо багтах нь уу, яах нь. Бас шүлгийн ном бэлд­чихээд, гаргах уу болих уу гээд л, эргэж харсхийгээд сууж байна.

Өө, романыхаа тухай яриа­наас хадуураад явчихаж. Саманд ламын дүрийг яаж бодож олов?

-Хөхнуурын
монголчуудын дунд өнгөрөөсөн өдрүүд миний сэтгэлд маш сайхан сэтгэгдэл үлдээ­сэн. Ёстой л монголоороо, ямар ч буртаг суугаагүй сэтгэлтэй хүмүүс билээ. Дээд монголчууд Улаан, Дулаан гээд хоёр хошуунд, бас Дэлхий хэмээх гадаадын иргэ­дийг оруулдаггүй хаалттай хотод голлон суудаг. Цөөхүүлээ, хөөрхий. Хэл усаа хадгалж үлдсэн нь 50-60 мянга байна уу, үгүй юу. Тэд Мон­голоос зохиолч хүн ирсэн гэж сонсоод зориуд архи барин ирц­гээж, “Халх яриа чагная, юу ч хамаа­гүй яриад л бай” гэж гуйц­гаасан. Ярьж байх зуур “Бид халх яриа ойлгож байна, бид чинь халхуудтай нэг хэлээр ярьдаг юм байна” гэж уйлалдаад… Үнэхээр зүрх шимшрэм… Хүн чинь харц­наасаа л мэдэгддэг дээ. Маш ёс төртэй, уудам сэтгэлтэй хүмүүс. Ийм хүмүүсийн дундаас чухам л Саманд шиг жинхэнэ лам төрнө дөө гэж өөрийн эрхгүй бодогдсон.

Сахилаа огоорсон Дарамбал ламыг Шинжааны монгол бол­гож бичсэнд ямар нэгэн учир байна уу, үгүй юу?

-Үгүй
дээ. Шинжааных байгаа нь тухайн лам буруу замаар будаа тээсэнд ямар ч хамаагүй. Дарамбал бол хаа сайгүй л таардаг, улаан шар хувцсаа ашиглан амин зуулга хөөж явдаг, номгүй лам нарын л жишээ. Номгүй хүмүүс фанатик сэтгэхүйд автах нь элбэг. Шүгдэнд шүтэхдээ тэр жинхэнэ шүтлэгээр бус, хэнээрхлээр хандсан. Бас шуналаа гүйцэлдүүлэх ид шид гэж харсан. Ний нуугүй хэлэхэд, бурх­ныг хүсэл биелүүлэгч шидтэн мэтээр хардаг, тэгж харсандаа л Ганданд очиж өргөл барьц өргөдөг хүмүүс олон шүү дээ. Бурхан бол хоосон чанарыг онохын ухаан. Хосгүй дээд заяа тавилан гэдэг бол үйлийн үрийг ойлгохын нэр. Үүнийг ойлгоогүй хүмүүс л хамгийн их “ламддаг” гарууд байдаг. Шуна­лаас ангижирах нь байтугай бүр шуналдаа дөрлүүлчихсөн увайгүй лам нарыг тийм мухар сүсэгтнүүд л тэжээдэг.

Тийм увайгүй лам нараас сайн юм хүлээх аргагүй байх л даа. Гэхдээ Дарамбал хамгийн дотно найздаа хор уулгах хэрэг байсан юм гэж үү?

-Миний
нэг танил энэ романыг уншаад дуусахдаа Дарамбал Саман­дад сэмхэн хор өгсөн гэдгийг огт мэдээгүй байсан. Харин чи яасан сүрхий олж хараа вэ?

Романы нэр болсон Шүгдэн­гийн тухай бас нэг зүйл асуумаар байна. Далай багш энэ шүтээнийг хориглосон шүү дээ. Хориг­лос­ныг бодоход, муу ёрын сүнс ч юм шиг?

-XIV Далай лам бол аугаа их бие хүн. Зөвхөн энэ хүний нэр л бүхэл бүтэн ард түмний зүг дэлхий нийтийн анхаарлыг хандуулж байна. Түвд хэмээх үндэстэн ийм нэгэн хүү төрүүлсэндээ бахархах учиртай. Харин түвдүүдийнхээ нэлээд хэсэг нь шүтэж тахидаг шүтээнийг чухам яагаад хориглож, бүр энэ шүтээнийг үзэн яддаг мэт байдал харуулаад явдаг юм бол доо. Бидний сайн ойлгохгүй элдэв нарийн учир байдаг л биз. Зүгээр, хувь хүнийхээ зүгээс харахад, надад бол энэ хэтэрхий туйлшир­сан, жинхэнэ буддист хүний байр суурь биш юм шиг л харагдаад байгаа. Энэ амьдрал угаасаа хоо­сон чанартай гэдэг ээ дээ. Хоосон чанар бол шүтэн барилдсан гэсэн утгатай. Нагаржунайн найман хаалт гэж бүх диалектик зөрчлийг уялдуулж, тэр бүхний шүтэн барил­дахуй дээр хоосон чанар тогтоно гэсэн сайхан гаргалгаа бий. Тэгэ­хээр хоосон гэдэг яг ч хов хоосон биш, бий үгүй хоёрын шүтэлцээ юм. Амьдрал зовлон хэмээдэг ч, хоос­ны үүднээс бол яг ч зовлон биш, зовлон жаргал хоёр шүтэн барилд­сан нь гэсэн үг. Аль ч тийшээ хэлбийхгүй төв үзэл л хоосон чанарыг онох зам. Амьдрал гэдэг хуран үүдсэн, шүтэн барилдсан, мөнх бус, тиймдээ ч уг чанараараа хоосон эд. Ийм л зуурдын хоосон дунд нэгэн удаа энэ бие маань энэ сүнстэйгээ учирсны үрээр хүн гэгдэж яваа бидэнд учиргүй цухал­даж, тэчьядаад байх зүйл гэж уг нь ерөөсөө байхгүй л юм шиг. Тэгэхээр Далай багшийн тэр хориг, Шүгдэнг тэгтлээ үзэн ядаж буйн цаана гүн ухаан биш, улс төр л яваад байгаа ч юм уу, ёстой мэдэхгүй юм даа.

Зохиолууд тань олон улсад ч мөн шуугиан тарьж байна. ТаныАмь тавьж буй шувууны далавч“, “Бөөгийн домогзэрэг номууд Солонгос улсад хэв­лэгд­сэн. Хичнээн хувь хэвлэгд­сэн бол оо. Цаашдаа солонго­соор дамжуулж өөр олон хэл дээр хэвлэгдэх бололцоо байгаа нь мэдээж

-Шуугиан
тарьсан ч юм үнэндээ байхгүй л дээ. Яахав, энд тэнд мэр сэр юм гарч л байна. Томхноос гэвэл, “Арван зүүдний өр” Орост хэвлэгдсэн. Америкт хэдэн өгүүллэг хэвлэгдсэн. Уржнан намар Солон­гост “Бөөгийн домог” хэвлүүлэх гэрээ хийсэн нь сая гарлаа. Гэрээнд дурдсанаар бол 10 мянга хэвлэсэн байх ёстой. Энэ роман одоогоор англи руу орчуулагдчихаад, хэв­лүү­лэх тал дээр яриа хэлцэл явагдаж байгаа.

МөнЦасны романХонконгт хэвлэгдсэн. Тэрхүү бүтээл тань “Million
Writers Award-2012”
олон улсын утга зохиолын шагналд нэр дэвшсэн дуулдсан. Энэ тухай нарийн ширийн мэдээлэл өгөхгүй юу. Ямархан нэр хүндтэй шагнал юм бол?

-Миний
зохиолуудаас “Цасны роман” одоогоор зургаан хэл дээр орчуулагдаж хэвлэгдсэн. Хосгүй мундаг зүйл гэж хэлэхгүй, аль 2002 онд гарсан эд шүү дээ. Хонконгийн “Ча” гэдэг сэтгүүлээс л нэр дэвшүүл­сэн юм билээ. Номинацид нь өөр 13 өгүүллэг байгаа болохоор сүртэй баярлаад, горьдоод байх юм алга. “Ча” сэтгүүл “Уран зохио­лын шилдэг сэтгүүл” номинациар 2008 онд уг шагналыг хүртэж бай­сан тул нэр дэвшүүлэх эрхтэй болсон юм гэнэ ээ. АНУ-ын Минесотад санаачилж 2004 оноос өгч эхэлсэн, харьцангуй залуу шагнал. Их олон номинациар олгодог юм билээ.

-“Цасны роман“-ыг Горькийн сургуулийн нэг багш ХэмингуэйнӨвгөн тэнгис хоёр“-той нэг зин­дааны бүтээл хэмээн үнэлсэн гэж сонссон?

-Сергей
Казначеев гэдэг хүн Орост нийтлэгдэхэд нь тэгж үнэл­сэн л дээ. Уулзаж танилцаад, өөрийнх нь амнаас тэр дүгнэлтийг сонсох юм сан гэж бодож л байна.

Таны туурвисан зохиол бү­хэн Монголд бэстсэллер болох юм. Үүнийг юу гэж боддог вэ. Л.Өлзийтөгс зохиолчийн сүүлд гаргасанҮзэхийн хязгаарном мөн л борлуулалтаараа тэр­гүүлж байна лээ?

-Үгүй,
юугаа бодох вэ дээ. Гарсан даруйдаа бидний номууд гайгүй гүйдэг нь бид хоёрыг ойлгож мэддэг уншигчдын хүрээ бий бол­сон, тэдний дунд л бага зэрэг хүлээлт үүсдэгийнх болов уу. “Бөөгийн домог”-ийг л гэхэд би одоогоор дөнгөж 4000-ийг зараад байгаа. Тэгэхээр юуных нь бэст­сэллэр байх вэ дээ.

Үргэлжилсэн үгийн зохио­лоос гадна яруу найргийн бүтээл тань бас л шуугиан тарьдаг. “Сэтгэл рүү шагайгч Түүндном тань яруу найргийн дээд хэм­жүүрт хүрэхээр бүтээл болжээ гэж утга зохиолын мэргэжилт­нүүд үнэлж байсан. Та өөрөө яаж үнэлж байна. Сүүлд яруу найраг хэр туурвиж байна?

-Шүлэг
бичих минь цөөрсөн л дөө. Гэхдээ 10 баллын шатлалаар дүгнэх юм бол, яруу найрагчийн хувьд би өөртөө есөн оноо, хүүр­нэл зохиолчийн хувьд харин бар­дамналаа бардамналаа гэхэд арайхийж таван оноо л өгнө.

Ингэхэд та зохиолчдын бай­гуул­лагатайгаа харилцаа хол­боо ямар байна. Зохиолчдын хороогоор үзэгдэх нь ховор бол­сон шиг санагдана?

-Түүгээр
очих зав ч, шаардлага ч гарахгүй юм даа.

Д.Нацагдоржийн шагнал хэ­мээх утга зохиолын дээд шаг­налаас Л.Өлзийтөгс та хоёрыг татгалзсан гэх сураг байсан. Энэ үнэн үү?

-Өлзий
татгалзаж нэрээ татаж авч байсан. Би бол угаасаа дэв­шиж байгаагүй л дээ.

Танаас зайлшгүй асуух нэг асуулт байна аа. Ер нь уулзсан хүмүүс асуудаг л байх. Мон­голын утга зохиол өнөөдөр ямар түвшинд байна вэ. Та ямар хариулт өгөх бол?

-Тааруухан
л санагддаг. Гэхдээ энэ бол шударга хариулт биш байж магадгүй. Учир нь би сүүлийн үед монгол ном бараг уншаагүй. Залуучуудын шүлэг зохиолыг огт мэдэхгүй.

Та бол ерээд оныхны нэгэн төлөөлөгч. Өнөөдөр ерээд оны­хон утга зохиолын ачааг нуруун дээрээ үүрч байна гэсэн ойлголт хүмүүст ерөнхийдөө байдаг. Үүнтэй санал нийлэх үү?

-Наадхи
чинь миний л хэлж байсан үг шив дээ. Би ерээд оны эхээр утга зохиолд хөл тавьсан залуустай найз нөхдийн харьцаа­тай явдгаараа бахархдаг. Бидний үеийнхнээс л анх удаа тайзан дээр марзаганадаггүй, найр хөтөлдөг­гүй, тун гайгүй сэхээтэн өвгөчүүл гарах болов уу гэж боддог шүү.

   Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Моконами Базарсад: Анандыгаа сумогийн их аварга болно гэдэгт итгэл дүүрэн байна

Моконами Ганболдын Базар­сад­тай ярилцлаа. ТэрээрТацу­намидэвжээнд харьяалагддаг, сумогийн дээд зиндаа буюу макү­чид Маэгаширагийн зургаад эрэм­бэлэгдэж байсан бөх билээ.

Сумогийн ертөнцөд хэрхэн хөл тавьсан бэ. Яриагаа эндээс эхлэх үү?

-Би чинь багаасаа л спортоор хичээллэж эхэлсэн. Ялангуяа саг­сан бөмбөгийн спортод бүр илүү сонирхолтой байлаа. Манай аав аймгийн заан цолтой, улсын за­суулч хүн бий. Намайг үндэсний бөхөөр барилдахыг их зөвлөдөг, бөхийн дугуйланд ч явуулж байсан. Гэвч миний бие үндэсний бөхийг орхиод Японы сумод хөл тавьсан даа. Хоёр мянган оны намар до­лоон хүүхэд Осака хотод очиж байлаа. Хакухо Даваажаргал, даян аварга А.Сүхбатын төрсөн ахын хүүхэд болох Баярбат, Шарав­нямбуу бид дөрөв тэнцэж нөгөө гурав маань тэнцэлгүй Монгол руу­гаа буцаж байсан. Гурван сарын хугацаанд Осака хотод бэлтгэл хийгээд тус тусын дэвжээнд харьяа­лагдаж байв. Ингэж л сумо­гийн ертөнцтэй холбогдсон нэгэн насны амьдрал минь эхэлсэн түүхтэй.

-11 жил сумогийн дэвжээнд хүч үзсэн байх аа?

-Тэгсээн. 2001 оноос сумод барил­даж эхэлсэн. Түүнээс хойш таван жил хүч үзсэний эцэст 21 насандаа жүрёо зиндаанд харьяа­лагдсан. Дээд зиндаанд дэвшиж чадалгүй жүрёод дөрөв, таван жил бол­чихсон юм аа. Бэртэл гэмтэл ч нөлөөлсөн тал бий. Би чинь ну­руун­­­даа хүнд гэмтэл авч байсан шүү дээ. Макүүчи буюу дээд зин­даанд Маэгаширагийн зургаагаас босч байсан минь хамгийн өндөр ам­жилт юм даа. Сонирхолтой нь, жүрёо болоод дээд зиндаанд Ха­кухо аваргатай нэг ч таарч байгаа­гүй. Шинэхэн озэки М.Ананд­тай бол хоёр таарч байсан. Эхлээд таа­рах­даа даваад дараа нь унаж байсан.

Сая гуравдугаар сарын Хару башё болж өндөрлөлөө. Мон­голын хүчтэн Мангалжавын Ананд озэки цол хүртлээ. Сумод хамт хүч үзэж явсан бөхийн хувьд ямархан бодолтой байна даа?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-оор дамжуулж Ананддаа баяр хүргэе. Сэтгэл ихэд тааламжтай сайхан байна. Найзыгаа маш их дэмжиж байлаа. Түрүүлчих байх гэж итгэж байлаа. Озэки бол өндөр цол шүү дээ. Монгол үндэсний бөхтэй харьцуулбал арслан цол юм. Ананд маань арслан боллоо. Аварга болоход ойрхон байгаа. Манай хүн чинь надаас хоёр жи­лийн дараа сумод хөл тавьсан. Анх танилцаж байхад их дөлгөөн тай­ван залуу санагдаж байсан. Манай дэвжээ Анандын дэвжээ хоёр хоорондоо их ойрхон. Түүнтэй очиж уулзахад барагтай бол үг дуугарахгүй, нүдээрээ инээчихээд л байж байна. Яваандаа хамт бэлтгэл хийж эхлэхдээ ямар дайчин юм бэ гэдэг нь шууд мэдрэгдээд ирсэн л дээ. Би бол хааяа зугаа цэнгэл хөөх юм уу, гадуур дотуур гарна. Анандад бол тийм зүйл байх­гүй. Дэвжээн дээрээ яс л бай­на. Цаг цагаар бэлтгэлээ хийгээд л. Орой эрт унтаж амраад л. Үнэ­хээр хөдөлмөрч дөө.

Барилдааных нь арга бари­лын талаар ярихгүй юу?

-Маш эвсэлтэй, барилдааны мэдрэмж өндөртэй. Дохё буюу дэв­жээний захад тун мэдрэмжтэй барилдаан үзүүлдэг. Бас толгой сайн ажилладаг. Гүйлгээ ухаан сайтай тийм л бөх шүү дээ. “Бөхийн удам байхгүй хэрнээ ийм нягт барилдаантай, цаанаасаа төрчих­сөн хүн хол явна даа” гэж олон хүн хэлж байхыг нь мэдэх юм. Сумогийн луугарууд ч Анандыг их үнэлдэг. Сая цагаан сараар Ганболд бид хоёр Анандын аав ээжтэй очиж уулзсан. Үндсэндээ золгох гэж очсон. Тэгэхэд их сайхан хүлээж авсан. Анандын тухай багагүй хуучилсан. Хүний эх, эцэг л болсон хойно Анандад санаа зовж байсан нь мэдрэгдсэн. Ганболд бид хоёр сумод хамт барилдаж явсны хувьд сэтгэл зүйн дэмжлэг өгсөн дөө. “Арслан болох нь тодорхой. Магад­гүй гуравдугаар сарын Хару башёд ч болохыг үгүйсгэхгүй. Гол нь цаг хугацааны асуудал л байгаа. Та хоёр хүүгийнхээ өмнөөс нэг их санаа зовоод байх хэрэггүй дээ” гэж хэлж байлаа. Үнэхээр бид хоёрын хэлс­нээр Ананд маань аав ээжийн­хээ, ард түмнийхээ итгэлийг алдал­гүй урамтай сайхан барилдаж 13 давж озэки боллоо.

Сүүлийн өдөр Гойдод өвдөг шороодож их аваргатай нэмэлт барилдаан хийсэн. Хэрвээ Гойдог давсан бол эзэн хааны цомыг хүртэх байлаа. Уг барил­дааны тухайд юу хэлэх вэ?

-Сэтгэл зүйн хувьд амаргүй байсан нь мэдээж. Дэвжээний багшаасаа аваад хүн бүр яриад л. Заавал давна шүү, түрүүлнэ гээд л. Тийм их итгэл хүлээлгэчихээр, дээрээс нь “Хэрвээ би энэ сумочийг давбал эзэн хааны цомыг хүртлээ. Хару башёд түрүүллээ, тийм өндөр цолонд хүрлээ шүү” гээд бод­чихоор бас хэцүү. Бодож байс­наасаа огт өөр барилдаан гаргадаг. Үндсэндээ барилдаан гарахаа байгаад хамаг бие нь хөшчих шиг болдог. Гойдотой барилдсан ба­рил­­дааныг харахад тийм л зүйл анзаарагдсан. Огт барилдаан гаргаагүй шүү дээ. Гойдогийн л барилдааны урсгалд ороод уначи­хаж байгаа юм. Уг нь манай хүн барилдаан эхлэхэд доогуур мөр­гөж ороод мавашины барьц авдаг. Тэр нь байхгүй. Хамаг хүчээ гар­гаад урагшаа дайрдаг, тэр нь бас ажиглагдаагүй. Тэр шөнөө бараг унтаж чадаагүй байх. Түүнээс Гойдог бол ер нь давдаг. Найм барилдахад гурав л унасан. Тэрхүү сэтгэл зүй Хакухо аваргатай барил­дахад ч нөлөөл­сөн. Ес дэх өдрийн ба­рилдаанд байна уу даа, их авар­гыг өвдөг­лүүлсэн хүн чинь нэмэлт барил­даанд уначихаж байгаа юм. Ерөөсөө л сэтгэл зүй шүү дээ.   

Шинэхэн озэкиг цаашдаа ёкозүна буюу аварга цолонд хүрнэ гэдэгт итгэлтэй байна уу?

-Өө, итгэл дүүрэн байгаа. Бүх л нөхцөл боломж өмнө нь нээлттэй байна шүү дээ. Бэлтгэл сургуулилт сайн хийгээд, өмнөө зорилго та­виад зүтгэхэд аварга цол ойрхон бай­гаа. Хамгийн гол нь бэртэл гэм­тэлгүй байгаасай гэж залбирах минь. Бэртэл гэмтэл авах шиг хэцүү юм байхгүй дээ. 

Харумафүжи Бямбадорж Хару башёд арваннэг давлаа. Түүнийг бас л аварга болно хэ­мээн манайхан итгэн хүлээж байгаа даа?

-Маш дайчин барилдаантай, оргилж буцалсан халуун сэтгэлтэй, бусдад их тусархуу сайхан залуу даа. Барилдааныг нь надаар хэ­лүү­­­лэлтгүй хүмүүс мэдэж байгаа. Саяны башёд арван нэг давлаа. Сүүлийн хэдэн башёгийн барил­даа­нуудаас гайгүй амжилт үзүүлсэн башё нь энэ болчихов уу даа. Бас жаа­хан бэртэл байгаа нь ажиг­лагдсан. Намайг барилдаж байх үед Харумафүжи хөлөндөө бэр­тэл­тэй байсан. Гэхдээ бэртэл гэмтлийг огт тоодоггүй өвдөж байна гэж нэг ч удаа хэлж үзээгүй, дотоод хүчээ маш сайн бэлддэг тийм өвөрмөц бөх. Өмнөөс нь халшир­маар бэлтгэл хийнэ. Би ялна, дийлнэ л гэж үргэлж боддог эрэм­гий бөх шүү дээ. Энд бас нэг бө­хийн онцлоход манай Баярбат байна. Арав гаруй жил зүтгээд сая жүрёод орлоо. Залуучууддаа их л том үлгэр дуурайлал боллоо. Хоёр өвдгөндөө хоёуланд нь хүнд бэр­тэлтэй байсан ч тэрээр ялж дийл­лээ гэж хэлэх байна. Макүшитагаас жүрёо руу ороход маш хэцүү. Хүн бүр л зүтгэж байгаа. Сумочдын хэлдгээр тэнд нэг том хана байдаг. Тэр ханыг нэвтэлж чадах аваас тухайн бөх цаашаагаа явна. Өндөр цолонд хүрнэ.  

З.Дүвчин зааны хүү Лхагвааг дээд зиндаанд ороод ирчих бо­лов уу гэж хүмүүс хүлээж бай­сан. Гэтэл шуугиулаад гараад ирж чадахгүй л байх шиг?

-Манай Лхагваа аав шигээ уян хатан барилдаантай тун эвгүй бөх. Цаашдаа сайн барилдах байх аа. Санасандаа хүртэл, чинээндээ тултал хөдөлмөрлөж, бэлтгэл сур­гуулилтаа хийж чадахгүй байна уу даа гэж бодогддог. Гол нь дотоод сэтгэл зүйгээрээ л бусдыг ялж байх ёстой. Тэгж гэмээнэ санасандаа хүрнэ. Хэдий хөнгөн жинтэй ч өөрий­гөө ирлэж, хурцалж бүрэн дайчилж, хамаг хүчээ шавхаж барилддаг бөхчүүд байна. Тухайл­бал, Харумафүжи озэки байна. Лхагвааг Харумафүжи озэки шиг гараад ирэхийг үгүйсгэх аргагүй.

Сумод нэгэн өдөр хамт орж байсан Хакухо аваргын тухай ярихгүй юу. Мань хүнд дахиад хэдэн түрүү байна вэ?

-Одоо таван жил лав сайн ба­рил­­дах байх. Сая 22 дахь түрүүгээ хүрт­лээ. Сумогийн түүхэнд нэгэн шинэ амжилт тогтооход байг гэх газаргүй. Гэхдээ шинэ амжилт тог­тоох, өмнөх аваргуудын түүхэн амжилтыг эвдэх гэдэг хэцүү юм билээ. Хоёр жилийн өмнө аварга нэг ч унаагүй 61 даваатай байж байгаад 62 дахь өдрөө Кэсина­сатод унасан. Сумогийн түүхэнд одоогоор нэг ч унаагүй 69 даваатай аварга бий. Түүнийг япончууд бур­хан шиг сайхан хүн гэж хүндэтгэдэг. Хакухо Кэсина­сатод уначихаад хэлж байсан. “Бурхныг давна гэдэг амаргүй юм байна. Ер нь бурхныг давж бол­доггүй юм байна” гэж байсан. Энэ нь 69 даваатай бурхан аваргын амжилтыг эвдэнэ гэдэг байж болом­гүй зүйл юм байна гэсэн үг л дээ.

Сумогийн дээд зиндаанд хүч үзэж байсан бөхийн хувьд асуухад, хамгийн эвгүй барил­даантай сумоч гэвэл хэнийг нэрлэх үү. Баруто эвгүй дээ. Түүнтэй та барилдаж байсан нь мэдээж?

-Барутотой анх хүч үзэхэд нэг их том хана мөргөж байгаа юм шиг санагдаж билээ. Үнэхээр аварга биетэй, хүчтэй бөх. Мавашины барьцыг бүтэн атгана гэж байдаг­гүй. Зузаан болохоор атгах боломж байдаггүй. Харин Баруто бол ми­ний мавашиг хоёр, гурав давхар­лаад атгачихаж байгаа юм. Тийм том гартай. Намайг бол ганц хүчтэй өргөөд л дэвжээнээс гаргах жишээ­ний. Дээд зиндаанд хүч үзэхдээ яг барилдаан дээр аварга арслан­гууд­тай таараагүй. Бэлтгэл дээр таарч байсан. Тэдэнтэй хамт бэлт­гэл хийнэ. Том цолтой бөхчүү­дийн дэвжээнд очиж бэлтгэл хийдэг байв. Харумафүжигийн дэвжээнд очоод бэлтгэл хийгээд гэртээ ирэ­хэд хамаг бие шалбар­чихсан бай­дагсан. Хакухо аваргын дэв­жээнд очиж  бэлтгэл хийгээд ирэхэд бие зүв зүгээр. Ямар ч шалбархай байхгүй. Ямар сайндаа манай эхнэр “Чи Даваа­гийн дэвжээнд очихдоо бэлтгэл хийдэг юм уу, үгүй юм уу. Зүв зүгээр л орж ирэх юм” гэж асууж байхав дээ. Аварга бол бэлт­­гэлийг зөөлөн хийдэг. Д.Бям­ба­­дорж бол тухайн бөхийн уурыг хүр­гээд, хана руу мөргүүлээд, са­вуу­лаад, алгадаад баллана шүү дээ. Уур чинь хүрэхгүй байна уу, уйлах­гүй байна уу гээд л үзэж тардаг.

Сумогоос гарсан тухайг чинь сонирхох гэсэн юм. Тухайн үедээ бөөн шуугиан болж бай­сан. Ер нь яагаад гарсан юм бэ. Найраанд орсон гэдэг чинь үнэн юм уу?

-Найраа хийдэг нь мессежээр батлагдсан гэх яриа гарсан шүү дээ. Тэр бол биднээс ямар ч хамаагүй асуудал. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2010 оны долдугаар сарын башёгийн үеэр озэки Кото­мицүки гэсэн бөхчүүд мөрийтэй тоглоомын хэрэгт орсныг манай­хан мэдэж байгаа. Якуза буюу мафийнхантай холбогдоод, мөрий­тэй тоглоод баригдсан. Тэд бол дандаа япон бөхчүүд байсан. Цаг­даа нар барьж хориод утаснуу­дыг нь хураагаад шалгасан юм билээ. Тэгэхэд Касуганишики гэсэн бө­хийн утаснаас “Тэр бөхтэй тэгж барилдана шүү. Түүнд даваа өгнө шүү” гэсэн утга бүхий мессеж илэрсэн байдаг. Ингэж л тэр асуу­дал эхэлсэн шүү дээ. Их аваргаас авахуулаад жүрёо зиндаанд хүч сорьдог бөх бөхчүүдээс “Даваа наймаалцдаг асуудал бий юу. Та хэд тийм мессеж бичдэг үү” гэх зэргээр асуусан. Тийм зүйл байх­гүй юм чинь “Үгүй ээ, мэдэхгүй” л гэж хэлсэн. Гэтэл найраа хийдэг мессежид холбоотой гэсэн арван хэдэн бөхийн нэр дотор миний нэр байсан л даа. Үүнийг би шахалт дарамт л гэж хэлэхээр байна. Түүнээс найраа хийсэн зүйл огт байхгүй. Би ямар ч бөх рүү тийм мессеж бичиж байгаагүй. Хэрвээ тийм зүйл байгаа бол та бүхэн баримтаар нотлооч гэж Сумогийн холбоонд хэлж байсан. 

Хүлээж аваагүй юу?

-Огт хүлээж аваагүй. Бүгд доошоо хараад л. Юу ч асууж лавлаагүй. Гурав хоногийн дараа өөрийн хүсэлтээр өргөдлөө өгнө үү гэсэн. Өргөдлөө өгөхийг үндсэндээ шаардсан. Гурав хоногийн хуга­цаанд хүн чинь юм, юм л боддог юм билээ. Шүүхэд ханддаг ч юм билүү гэж үзсэн. Хэрвээ шүүхэд хандвал бидэнд Сумогийн холбоо мөнгө өгөхгүй. Сумогийн дэвжээнд үзүүл­сэн амжилтыг нь үнэлж тухайн бөх зодог тайлахад Сумогийн холбоо мөнгө өгдөг. Багагүй хэм­жээний мөнгө л дөө. Хэний ч гэсэн амьд­ралд мөнгө хэрэгтэй нь ойл­гомжтой. Түүнийгээ бодсон ч, мөн Сумогийн холбоотой шүүх­дэлцээд дийлж байсан тохиолдол өмнө нь байгаа­гүйг бодсон ч өргөд­лөө өгөх нь дээр юм байна гэдгээ ойлгосон. Гэхдээ би өргөдлөө өгөөгүй. Дэв­жээнийхээ багшид дуулгаад багш цааш нь дамжуул­сан. Сумог орхи­сон минь ийм учиртай. Дарамт шахалтад л орсон. Өөр юм байхгүй. Сумод хүч үзэж буй бөхчүүдтэйгээ байнгын харил­цаа холбоотой бай­даг. Үе, үе Японд очно. Хакухо аваргатай уулзана. Хоолонд орно. Залуу насныхаа арван жилийг тэнд үдсэн болохоор сумогийн ертөнц сэтгэлд ойрхон байдаг шүү.  

Монголдоо ирээд юу хийж байна. Үндэсний бөхөөр барил­дах бодол байна уу?

-“Аварга” дээд сургуульд Б.Адъяахүү начны удирдлагад бэлтгэл хийж эхлээд байгаа. Үндэс­ний бөхийн хэрэглэл болох зодог, шуудаг, монгол гутлаа бэлд­чихсэн. Өнөө жил сумын наадамд зодог­лоно доо. Тэгээд дараа нь аймгийн наадамд хүч үзнэ. Багаас эхлэх нь дээр байх аа.

  Ярилцсан Н.ГАНТУЛГА

 

 

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Д.Цэдэвсүрэн: Монгол хүн сансарт ниссэн мэдээг зарлахын тулд эфирээ хаахгүй хүлээлгэж байлаа

Монгол хүн сансарт нис­сэний
31 жилийн ой өнөөдөр тохиож байгаа билээ. Уг ойн өдрийг тохиолдуулан “MNC”
телевизийн ерөнхий инженер Дамбийжанцангийн Цэдэв­сүрэн­тэй ярилцлаа. Тэрээр
санс­рын нислэгийн үйл явцыг Москвагийн телевизээс шууд дамжуулах манай багийн
бүрэл­дэхүүнийг удирдан ажиллаж байсан гавьяатан билээ.

-Өнөөдөр монгол хүн сансарт
ниссэний баярын өдөр. Юуны өмнө танд баярын мэнд хүргэе. Сансрын нислэгийн үйл
явцыг Москвагийн телевизээс шууд дамжуулахад та Монголын багийн бүрэлдэхүүнийг,
ялан­гуяа инженер техникийн ажилч­дыг буюу арын албыг хариуцаж байсан. Тэр
тухайгаа сонирхуу­лахгүй юу?

-Баярлалаа. Эхлээд нэг түүх ярья.
Далаад оны сүүл наяад оны эхээр дарга нарын түвшинд нууц групп байгуулагдаад
байгаа нь илт анзаарагдаж байсан. Нууцаар сурвалжлага, бичлэг хийж түүнээ
хадгалаад байгаа нь мэдрэгддэг байв. Би Мэдээлэл радио, теле­визийн улсын хороо
гэж байхад ерөнхий инженерээр ажиллаж байлаа. Монголын үндэсний теле­визтэй дөч
гаруй жилийн хуга­цаанд хувь заяагаа холбосон байдаг. Сүүлд захирлаар нь ажил­лаж
байсан. Мөн “UBS” теле­ви­зийн захирлаар ажиллаж байсан хүн шүү дээ.

Нууцаар явагдаад байгаа зүй­лийн
талаар асуух боломжгүй. Харин наян онд надад дээрээс хариуцлагатай үүрэг ирлээ.
Тэр нь телевизийн техник тоног төхөө­рөмжийн шинэчлэлийн тухай юм. Тодруулбал,
гаднаас валютаар төхөөрөмж авах тухай. Доллараар наймаа хийх нь бүү хэл доллар
гэдгийг мэддэг хүн ховор байсан цаг. Ийн үүрэг өгөхдөө ирэх онд буюу наян нэгэн
онд нэг томоохон үйл явдал болно, ер нь монгол хүн сансарт нисэх төлөвлөгөөтэй
бай­гаа шүү гэдгийг цухуйлгасан. Тэгээд “Энэ бол улсын нууц шүү” гэдгийг хатуу
анхааруулсан. Тэгээд гад­наас авах тоног төхөөрөмжөөр техникийн бэлтгэл сайтар
хангахыг үүрэг болгосон доо.

-Хэн үүрэг өгөв. Дээрээс гэдэг
маань…?

-Мэдээлэл радио, телевизийн улсын
хорооны дарга С.Пүрэвжав гэж хүн надад үүрэг өгсөн. Пүрэв­жав даргад мэдээж
дээрээс үүрэг ирсэн байж таараа. Наян нэгэн он гарлаа. Гаднаас авах тоног төхөө­рөмж
ч эхнээсээ ирлээ. Нэг өдөр намайг дуудлаа шүү. Дарга нарын тусгай бүрэлдэхүүн
хуралдаад ЗХУ болоод Монгол Улсын иргэдийн сансрын хамтарсан нислэгийг
сурвалжлах багийг томилсон юм байна. Би ч сайн мэдэлгүй сүүлд нь яваад очтол
“Чамайг техникийн багийн удирдагчаар томилсон, тушаал гарсан” гэв. Мэдээлэл
радио, телевизийн улсын хорооны ерөнхий инженерийн хувьд, үнд­сэндээ ажил
үүргийн хуваариараа би гарцаагүй явах байсан л даа. Тэгээд л бэлтгэл ажилдаа
орсон. Нислэгийн үйл явцыг газар дээрээс нь 
Монгол руу дамжуулахад холбоо­ны шугам, сансрын хиймэл дагуул гээд олон
бэрх зүйлтэй тулгарна. Түүнийг тухайн үеийн Холбооны яам хариуцаж байв.

Тус яамны нэгдүгээр орлогч сайд
Гарам-Очир гуай бид хоёр техникийн бэлтгэл хангахаар наян оны хоёрдугаар сарын
дундуур, нислэгээс нэг сарын өмнө Москвад очиж байлаа. Зөвлөлтөд буугаад шууд л
Холбооны яаманд очиж байгаа юм. Тус яам л бүгдийг мэдэж байсан. Гарам-Очир гуай
бид хоёр бүхий л зүйлтэй сайтар танилцаад, тэмдэглэл хөтлөөд гарын үсэг зурж
баталгаажуулж байв. Түүнээс өмнө бас туршлага судлуулахаар гурван хүнийг
явуулсан. Тэдний нэг нь би л дээ. Унгарын нисгэгч Зөвлөл­тийнхөнтэй хамтарч
нислэг үйлдэж байв. Түүнийг газар дээрээс нь сурвалжилж туршлага судлуулсан
түүхтэй.

-Сурвалжлах багт яг хэдэн хүн
явсан бол оо?

-Өө олон хүн явсан. Тоог нь
нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Дөч, тавин хүн лав явсан байх. Миний санаж
буйгаар нэвтрүүлэг­чээр соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нарантуяа, найруулагчаар
Ц.Пунсаа нар явсан. Санхүү, аж ахуйн албаныхан ч явсан. Шууд нэвтрүүлгийг
хүргэхэд хамтран ажиллаж байгаа Зөвлөлтийн нөхдөдөө өгөх бэлэг дурсгалын зүйл
гээд баахан зүйл аваачсан. “Останкино” буюу Москвагийн төв телевиз дээр бид
чинь байрлаж байлаа шүү дээ. Ардын уран зо­хиолч Ш.Сүрэнжав гуай нис­лэгийн үйл
явцыг шууд тайлбарлан хүргэж байсныг манайхан мэднэ. Мань хүн тухайн үед
Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд сурч байсан гэдэг. Орчуу­лагчаар
МОНЦАМЭ агентла­гийн Чагдар гэж хүн явсан. Муу орчуулж байна гэж загнуулаад л.
Оросын тайл­бар­лагчийн шууд нэвтрүүлгийн текс­тийг харж үзэл­гүй­гээр сонсоод
шууд орчуулна гэдэг төвөгтэй л дээ. Чагдар гуайн загнуулж, муугаараа дуудуулах
нь ч аргагүй юм. Манай Сүрэнжав гуайн тайлбарыг Оросын орчуу­лагч хэрхэн яаж
хүргэж байс­ныг мэдэхгүй байна. Ш.Сүрэнжав гуай бол урьдчилж бэлдсэн зүйлгүй, ёстой
яруу найрагчийнхаа авьяас онгодоор л урсгасан. Оросын орчуулагч буурал
толгойтой бу­риад нөхөр байсан санагдана.

-Нислэгийн өмнөх байдлыг
тодорхой ярихгүй юу. Инженер техникийнхэн амьсгаа авах зав­гүй бөөн бужигнаан
дунд л байв уу?

-Хорин хоёронд Москвагийн цагаар
17 цагт Байконураас хөлөг хөөрсөн. Монголд шөнийн 22 цаг болж байгаа. Техникийн
дэвшил тухайн үед үнэндээ гайхмаар байсан шүү. Бидний байрлаж буй төв телевизэд
хэд хэдэн томоохон дэлгэц байрлуулсан байв. Байко­нурт чухам юу болж байгаа,
нис­лэгийг удирдах төв буюу Оддын хотхон ямар байдалтай байгаа нь тэрхүү
дэлгэцүүдээр тодоос тод харагдана. Ухаандаа, В.Жани­беков, Ж.Гүррагчаа нар
сансрын хөлөгтөө сууж байгааг дэргэд нь юм шиг л харж байв. Харин түүнийгээ
дамжуулах эрхгүй.

Бичлэгээ сайтар нягтлаад хад­галж
байлаа. Зураг авалтыг бол Зөвлөлтийн нөхөд газар дээр нь хийж байсан. Сансрын
нисгэгчид газраас хөөрөх үед би тусгай олон аппарат дунд ганцаараа сууж байв.
Нэгээр нь Улаанбаатар руу мэдээ дамжуулна, нөгөөгөөр нь оросууд­тайгаа ярина.
Владимир гээд хотод байрлах сансрын тойрог замын төвтэйгээ холбогдоно. Харин
гол хариуцлага нь нислэг амжилттай болоод сансрын тойрог замдаа орчих юм бол
Москвагийн бүх телевиз болоод Монголын телеви­зээр мэдээллийг нэгэн зэрэг цацах
явдал байсан. Түүнд л бид бэлдэж бүх техник хэрэгслийг бэлэн бай­далд
байлгасан. Гэтэл нэг ноцтой асуудал гарлаа. 

-Юу тэр вэ?

-Юмжаагийн Цэдэнбал гэж хүн­тэй
холбоотой. Зөвлөлтийнхөнтэй өмнө нь олон орны нисгэгчид хамтарч сансарт
хөөрсөн. Тэдгээр орнуудын удирдагчид ажлын өрөө­нөөсөө сансрын нисгэгчидтэйгээ
холбогдож, утсаар ярьж захиас заавар өгч байсан түүхтэй. Уг бичигдээгүй хуулийн
жишгээр нам төрийн удирдагч Ю.Цэдэнбалыг Гүррагчаатай холбуулах, ажлын­хаа
өрөөнд зурагт үзэж байгаагаар бичлэг хийж аваад шууд нэвтрүүл­гээр цацъя гэтэл
Бал дарга Москвад оччихсон байж билээ. Ингээд л асуудал үүсч байгаа юм. Хаана
яаж Цэдэнбалын зургийг авах уу гээд л пижигнэлдээд явчихлаа. Ерөнхийдөө улс
төрийн хүнд асуу­дал үүсээд явчихаж байгаа юм. Мань хүн хэл чимээ ч үгүй
Москвад оччихсон байхад бид их гайхаж билээ. Сүүлд мэдэх нь ээ, хэнд ч дуулгаж
хэлэлгүйгээр Бал дарга авгайтайгаа Москва руу байнга нисчихдэг байсан юм билээ.
Ин­гээд түүний зургийг Зөвлөлтөд байгаа Монголын Элчин сайдын өрөөнд авахаар
боллоо. Тусдаа өрөө гаргуулж гэрийн тавилга тавьж, гэртээ байгаа маягаар тохи­жууллаа.
Явуулын станц Элчин сайдын яаманд байрлуулж, өнөө тусгай өрөөндөө гурван камер
зоогоод авлаа. Гэтэл зургийг нь хэнтэй хамт авах уу гэсэн асуудал гардаг юм.
Авгайтай нь хамт авъя гэхээр Филатова орос хүн байдаг. Тэгээд эцэст нь Москвад
байдаг хүүтэй нь хамт авсан даа. Хүмүүс болохоор Бал даргыг гэртээ хүү­тэйгээ
үзэж байна гэж бодсон нь мэдээж. Тэр болгонд би оролцож байлаа шүү дээ.

-Нэвтрүүлгээ одоо явуул гэх
даалгаврыг хэн өгсөн билээ?

-ТАСС буюу Москвагийн төв мэдээллийн
агентлагаас өгнө шүү дээ, албан ёсоор. Хэрвээ нислэг бүтэлгүй болбол тэгээд л
тас нуу­чих­даг байсан. Манай нислэгээс өмнө Болгарын нэг нөхөр Зөв­лөлтийнхөнтэй
хамтарч нисээд тойрог замдаа орж чадалгүй бүтэл­гүйтэж байсан. Шууд нислэгийг
дамжуулалгүй удсаны учир манай Гүррагчаа алдаа гаргасан байгаа юм. Тойрог замын
станцдаа залгаг­даж чадалгүй нэг тойрог илүү яв­чих­сан юм билээ. Хоёр дахь
тойр­гоосоо холбогдсон хэрэг. Тэрхүү хугацаанд Улаанбаатараас яриад байдаг.
Шууд нэвтрүүлгээ өгнө гэсэн яасан бэ. Шөнийн арван цаг өнгөрчихөөд байна.
Телеви­зийн нэвтрүүлгээ хаах юм уу, яах юм гээд асуугаад байдаг.

Тэгэхэд та ямар хариу өгөв?

-Зурагтын нэвтрүүлгээ хааж
болохгүй. Хаах л юм бол иргэд унтчихна. Нэвтрүүлэг зогсох учир­гүй гэж
үүрэгдсэн. Тэгээд л “Хаврын арван долоон учрал” киног үргэлж­лүүлж гаргаад
байлаа. Монголын цагаар 23 цаг өнгөрч байхад би­дэнд мэдээ ирлээ. Телевизийн
нэвтрүүлгийг шууд дамжуулж бол­но оо гэсэн. Үндсэндээ бид бүхэн урьдчилж бичсэн
бичлэгээ яг шууд дамжуулж байгаа мэтээр олонд хүргэсэн дээ. Ийн хүргэхэд бас
нэг асуудал гарсаан.

-За бас ямар асуудал гарав
даа?

-Команд өгөөд нэвтрүүлгийг яг
дамжуулах болтол монгол, орос хоёр нэвтрүүлэгчийн хэн нь эхэлж текстээ хүргэх
вэ гэдэг асуудал гарлаа. Оросууд “Манай нэвтрүү­лэгч эхэлж хэлнэ. Ер нь манайх
эхэлдэг жишигтэй юм” гэлээ. Ту­хайн үед миний бие арын албыг хариуцаж байсны
хувьд манайх эхэлнэ гэж дайрлаа. Яг тэрхэн мөчид миний бие группээ ахалж байсан
юм. Биднийг даргалж байсан Магсарын Чойжил гуай Байконур руу явсан учир би
албыг нь хариуцаж үлдсэн байв. Ингээд оросуудтайгаа маргалдлаа. “Та­най
Элчингээс асууна” гэж байна. “Тэг ээ” л гэлээ. Тухайн үед ЗХУ-д суугаа Элчин
сайд Д.Готов гуай байсан. Мань хүн мэдээж “Мон­голын нэвтрүүлэгч Д.Нарантуяа
эхэл­нэ” гэж хэлсэн нь тодорхой. Тэгээд л монгол хүн сансарт нисч буй түүхэн
үйл явдлыг Д.Наран­туяагийн дуу хоолойгоор ЗХУ бо­лоод Мон­гол Улс даяараа
сонсож байлаа. Тухайн үедээ би ажлаа хийж байна л гэж боддог байсан. Харин цаг
хугацааны дараа эргээд бодохуйд монгол хүн сансарт нис­сэн түүхэн үйл явцад гар
бие оролцож, Д.Наран­туяагийнхаа дуу хоолойгоор шууд нэвтрүүлгийг эхлүүлсэндээ
өөрийн эрхгүй ба­харх­даг шүү. Д.Наран­туяа шууд нэвтрүүлгийг эхлүүлнэ гэдэг
монгол хэлээр, монгол дуу авиагаар эхлүүлж байгаа хэрэг.

-Тэрхүү түүхэн үйл явдалд гар
бие оролцсоны дурсгал гэ­вэл юу байна. Зураг хөрөг бий юу?

-Хувь амьдралд минь тохиолд­сон
хамгийн дурсгалтай мөчийн нэг юм аа. Харин надад дурсгал болгон хадгалдаг зүйл
ховор. Зураг хөрөг байдаггүй юм аа. Оросын зурагчид уг нь авч л байсан. Гэхдээ олж
авч чадаагүй.  ЗХУ, Монгол Улсын
хамтарсан түүхэн нислэг гэсэн гарчиг бүхий Оросын төв хэвлэлийн тусгай дугаар,
Гүр­рагчаа, Жанибеков нарын нэр бүхий бичээстэй захидлын дугтуй л байна даа.
Өнгөрөгч онд гучин жилийн ой тохиосон. Тус ойд зо­риулсан ном гарсан. Түүнд
миний дурсамж орсон юм. Мөн тэрхүү ойгоор төрийн дээд шагнал  болох Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан.
Үүнийг сансар огтор­гуйн буян, Ж.Гүррагчаа баатрын маань хишиг гэж сүсэглэн
боддог доо.   

Ярилцсан
Н.ГАНТУЛГА