Categories
редакцийн-нийтлэл

Монгол туургатны үндэсний бөхийн наадмын тухай

Дэлхийн монголчуудын үндэсний бөхийн холбооны
хүндэт ерөнхийлөгч Д.Дагвадорж, тэргүүн Б.Журамт

Дэлхийн
монголчуудын
үндэсний
бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг монгол туур­гатны бөхийн наадам хоёр мянга есөн онд манай улсад анх удаа болсон түүхтэй. Тэгвэл өнөө жил тав дахь удаагаа зохион байгуулаг­дахаар болоод байгаа билээ. Тодруулбал, ирэх сарын дөр­вөнд “АСА” циркт болно. Мон­гол туургатан олон, элэг нэгт­нээ хамруулсан уг наадам үндэсний бөхийн наадам гэхээсээ илүүтэйгээр соёл, зан заншил, өв уламжлалын 
нэгэн том баяр гэж хэлж бо­лох билээ. Цаад зорилго нь товчхондоо, монгол угсаатан үндэстнээ нэгтгэхэд оршиж буй хэмээн Бөхөөгийн Жу­рамт нэгэнтээ хэлж байсан. Өмнөд Монголын нэртэй биз­несмэн Журамтыг манайхан сайн мэднэ. Тэрээр Дэлхийн монголчуудын үндэсний бө­хийн холбооны тэргүүнээр ажилладаг. Харин хүндэт ерөнхийлөгч нь Асашёорюү Д.Дагвадорж. Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нарын авар­гууд дэд ерөнхийлөгчид нь гэж байгаа. Төрийн хошой шаг­налт, ардын жүжигчин Наца­гийн Жанцанноров гуай мөн л тодорхой үүрэгтэй оролцдог юм. Мань хүн Мон­гол туургат­ны соёл, эрдэм шинжилгээний тэргүүн гэх албатай санаг­дана. Түүх соёл, өв уламж­лалыг нь ха­риуц­даг нэгэн. Тэрээр Журам­тын хамгийн эрхэм дотны хүмүүсийн нэг гэдгийг олон түмэн гадарлаж байгаа болов уу.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болсон анхдугаар наадмын түрүү бөхөөр цэргийн хурц арслан (одоогийн улсын заан) Чи­мэдрэгзэнгийн Санжаадамба тодорч хорин сая төгрөг гар­даж байсан билээ. Үзүүрт улсын арслан До.Ганхуяг, их шөвгийн дөрөвт улсын арс­лан Д.Азжаргал, улсын начин Ш.Уламбаяр нар шалгарч байсан юм. Манайхаас шиг­шээ жаран дөрвөн бөх, Өм­нөд Монгол, Буриад, Хали­маг, Тувагаас нийлээд мөн жаран дөрвөн бөх зодоглож олон улсын жишгийн дагуу сугалаагаар барилдаж байв. Гадны бөхчүүдээс тухайн жил хамгийн сайн барилдсан нь Буриадын бөх Санжиев Ринчин байлаа. Тэрээр гур­вын даваанд улсын харцага Ө.Даваабаатарыг орхиж ол­ныг шуугиулж байсан юм. Даваабаатар харцага тус ба­рилдааны өмнөх өдөр бол­сон Монголын 128 бөхийн үзүүлэх барилдаанд түрүүлж байсан түүхтэй.

Дараагийн
наадамд
хоёр мянга есөн оны намар байна уу даа, Өмнөд Монголд зо­хиогд­сон. Хоёрдугаар наа­дамд мөн л 128 бөх хүчээ сориход их шөвгийн дөрөвт Завхан аймгийн арслан хар­цага Элбэгийн Баасандорж, Сэлэнгэ аймгийн Мандал су­мын харьяат улсын начин Г.Эрхэмбаяр (одоогийн ул­сын арслан), Архангайн Ха­шаат сумын харьяат цэргийн хурц арслан Ч.Сан­жаа­дамба (одоогийн улсын заан), Өвөрхангай аймгийн уугуул улсын арслан Д.Ган­хуяг нар шалгарч байлаа. Дахиад л Монголын бөхчүүд хүч түрэм­гийлэн шөвгөрсөн байдаг. Үзүүр түрүүнд Ч.Сан­жаа­дамба Г.Эрхэмбаяр нар үл­дэж Ч.Санжаадамба тү­рүүлс­нээр Монгол туургатны үндэсний бөхийн наадамд хоёр дахь удаагаа түрүүлсэн түүхтэй. 2010 онд ОХУ-ын Буриад улсад болсон наад­маас эхлэн Монгол туургатны үндэсний бөхийн их наадмыг -75, +75 гэсэн хоёр жингийн ангилалтай болгож дүрмийн өөрчлөлт хийсэн билээ. Ийм өөрчлөлт хийхгүй бол Мон­голын бөхчүүд л манлайлаад монгол туургатны бус Монгол Улсын наадам болоод бай­сан билээ.

-75 кг-ын шөвгийн дөрөвт Х.Мөнхбaяр (Монгол), Иван Гармаев (Буриад), М.Батмөнх (Монгол), Сэлдыс Монгуш (Тува) нар шалгарснаас үзүүр түрүүнд Тувагийн бөх Сэлдыс Монгуш Монголын бөх Х.Мөнх­баяр нар үлдэж, ул­маар Сэлдыш Монгуш аварга болж байв. +75 кг-ын жингийн шөвгийн дөрөвт улсын заан Ч.Санжаадамба, улсын хар­цага Т.Өсөх-Ирээдүй, улсын гарьд Д.Рагчаа, улсын хар­цага Д.Батболд нар шалгар­сан. Тэгээд үзүүр түрүүнд Д.Рагчаа, Ч.Санжаадамба нар үлдсэнээс улсын заан Ч.Санжаадамба цэргийн арс­лан цолтойдоо гурав дараа­лан түрүүлсэн юм. Монгол туургатны бөхийн наадам гэхээр л “Өө, өнөө Санжаа­дамбын л түрүүлээд л, хорь гучин саяар нь мөнгийг ха­лааслаад байдаг наадам уу” гэх яриа гарсан нь тийм учир­тай. Бөхөөгийн Журамт Мон­гол туургатны наадам зохион байгуулж Монгол үндэстэн угсаатнаа нэгтгэх гэсэн биш Монголын бөх Санжаа­дам­бад л жил бүр хорь, гучин сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм гэсэн хоржоонтой яриа ч ам дамждаг.

2011 оны наймдугаар сард ОХУ-ын Тува улсын Кызыл хотноо зохион байгуу­лагдсан дөрөвдүгээр их наад­мын -85 кг-ын жингийн шөв­гийн дөрөвт Буянжаргал (Монгол), Эртине Лопуй-Оол (Тува), Андре Монгуш (Тува), Сайын-Белек Тюлюш (Тува) нар үлдэв. Үзүүр түрүүний барилдаанд Андре Монгуш, Сайын-Белек Тюлюшаар давж аварга болсон юм. +85 кг-ын жинд улсын харцага А.Бямбажав, улсын начин Ч.Баянмөнх, аймгийн начин Т.Хайдав, Тувагийн бөх Алдын Очуртан нар шөвгийн дөрөвт үлдэн, үзүүр түрүүний барилдаанд Бямбажав хар­цага Баянмөнх начныг давж түрүүлснээр анх удаа тус наадамд Санжаадамбаас 
өөр бөхийн нэр сонсогдож эхэлсэн юм. 

Сонин болгож өгүүлэхүйд, анхдугаар наадамд Өмнөд Монголоос 40 бөх ирж хүч бяраа сорьж байсан. Тэдгээр хүчтэнүүдийг Шилийн гол аймгийн уугуул Б.Цагаанзаан ахалж ирж байв. Энэ удаа мөн ялгаагүй Цагаанзаан аварга ирэх юм билээ. Тэрээр Өмнөд Монголынхоо наа­дамд арванхоёр удаа түрүү түрүүлж, 15 жилийн хуга­цаанд дэвжээн дээрээ босоо байсан алдарт бөх. Манай Б.Бат-Эрдэнэ аваргатай нас чацуу, жаран дөрвөн оны луу жилтнүүдийн нэг түүнийг Өм­нөд Монголын зон олон “Ца­гийн эзэлсэн их аварга” хэ­мээн ихэд хүндэтгэдэг гэж дуулдсан шүү. Эл эрхэм “Мон­гол зон олон нэгэн дор цуглаж, халуун дотноор найр­сан нэгдлээ. Монгол үндэс­тэн, угсаатан ямар хүчтэйг дэлхий дахинд харуулсаар байгаа ч ингэж нэгдэж, бусад улс орныхоо зан заншилтай танилцан өв уламжлал, хэл соёлынхоо талаар харилцан ойлголт авч байсан нь ховор. Тиймээс монгол туургатны бөхийн наадам аль ч та­лаараа маш үр дүнтэй, мон­гол үндэстэн зон олны амьд­ралд хэзээ ч давтагдахааргүй онцгой сайхан үйл явдал болж байна. Монгол, Өмнөд Монгол, Буриад, Тува, Хали­маг аль ч нь ялгаагүй өөр өөрийн гэсэн онцлог, өв соёл­той улс орнууд. Бөхийн ба­рилдаан нь ч өвөрмөц сонин. Ер нь монгол туургатан олонд бөх гэдэг ямар их эв нэгдлийн илэрхийлэл болохыг сайтар мэдэрлээ. Бид бөхөөрөө л нэгдэж чадлаа шүү дээ” хэ­мээн анхдугаар наадмын үеэр сэтгэл догдлон өгүүлж байсан юм.

Нэгэнт л монгол туургатны бөхийн наадмын тухай өгүүлж буй учир Өмнөд бо­лоод бусад монгол үндэст­нүүд болох Буриад, Тува, Халимагийн бөхийн онцло­гуу­дын талаар одоо өгүүлье. Өмнөд Монголын 
бөхийн барилдаан монгол үндэсний бөхөөс хэд хэдэн зүйлээр ихээхэн онцлогтой. Юун 
тү­рүүнд Өмнөд Монголд ма­найх шиг аварга, арслан, гарьд, заан, харцага начин гэсэн цол байдаггүй. 128 бөхийн барилдаанд гурав түрүүлсэн бөхөд зангиа ол­годог юм билээ. Цаашдаа монгол үндэсний бөхийн хэл­лэгээр бол шөвгөрөх бүрт нэг зангиаг нэмж олгодог байна. 
Тэгэхээр
олон зангиатай бөхийг том цолтой гэж ойлгож болох юм. Барилдах бөхчүүд арслангийн дэвэлтээр дэвэн, буурын шогшоогоор гүйж наадмын дэвжээгээ нар зөв гурав эргэнэ. Тайлбарлагч нэрийг нь дуудахад баруун зүүн гараа өргөж хоорондоо барилдана. Үндсэндээ ба­руун гараа өргөсөн хоёр бөх, мөн зүүн гараа ижил өргөсөн бөхчүүд хоорондоо барилд­даг. Барилдааны явцад мон­гол бөх шиг гар хөлөө орол­цуулахгүй. Гар нь гартайгаа, хөл нь хөлтэйгээ барилддаг гэсэн үг. “Өмнөд Монголын бөхчүүд өрсөлдөгчийнхөө хоёр хөлөнд хөл мэх хийж явснаас хөлөө хамгаалж сураагүй. Энэ нь барилдаанд нөлөөлсөн. Монгол бөхчүүд манай бөхчүүдийг суйлах, хонгодох мэхээр ихэвчлэн давж байсан. Хөлөө хам­гаалж чадахгүй гэдгийг нь мэдээд тэр биз ээ” гэсэн яриа монгол туургатны наадмын үеэр гарч байсан удаатай. Тувагийн кураш бөхийн ба­рилдаан гэхэд бас сонин. Учраа хоёр бөхийн хэн нэг­нийх нь гар газарт хүрлээ л бол тухайн бөхийг унасанд тооцдог. Харин манай үндэс­ний бөхийн дүрэм ёсоор, үндсэндээ монгол туургат­ны бөхийн наадмын баримталж буй гол дүрмээр өвдөг, тохой, толгойн аль нэг хэсэг нь газарт хүрч байж унасанд тооцог­доно. Манайхан гараараа газар тулж байгаад уран барилдаан гаргах тохиолдол цөөнгүй. Үүнийг бөх сонир­хогч олон унаж яваад давлаа гэж ярьдаг билээ.

Өнөө жилийн наадам -85 кг, +85 кг буюу 85-аас доош, 85-аас дээш гэсэн хоёр жин­гийн дагуу явагдана. Гэхдээ өмнөх жишгийн дагуу монгол бө­хийн дүрмээр явагдана. Жин­гийн дагуу гэхээр зарим хү­мүүс чөлөөт, самба мэтээр ойлгоод байгаа. Тэгвэл үгүй ажээ. Удахгүй болох наадамд хүчээ сорих Буриадын бөх­чүүдийн нэрс тодорч эхэлсэн байна. Тус улсаас хоёр жинд нийт 16 бөх оролцох бөгөөд -85 кг-ын жинд ОХУ-ын чөлөөт бөхийн спортын мастер, сам­бо бөхийн дэлхийн аварга, Буриад үндэсний бөхийн үнэмлэхүй аварга Эрдынеев Баясхалан, чөлөөтийн спор­тын мастер, Буриад үндэсний бөхийн таван удаагийн авар­га Гармаев Иван, спортын мастер, Буриад үндэсний бөхийн гурван удаагийн авар­га Цырендондоров Зо­рикто, спортын мастер, Бу­риад үндэсний бөхийн ба­рилдааны аварга Гармаев Саян, Базаров Вандан, Бад­маев Сергей нарын зургаан бөх оролцох аж. Харин +85 кг-ын жинд спортын мастер, Буриад улс болон Москвад зохион байгуулагддаг олон улсын аварга шалгаруулах тэмцээний аварга, Буриад үндэсний бөхийн үнэмлэхүй аварга Санжиев Ринчин, Буриад үндэсний бөхийн үнэмлэхүй аварга Максаров Цыбик, спортын мастер, Бу­риад үндэсний бөхийн аварга Цыренов Батор, мөн спортын мастер, Буриадын залуучуу­дын үндэсний бөхийн аварга Гармаев Батор, Дамбаев Бал­дан нарын таван бөх оролцох мэдүүлгээ ирүүлжээ. Өмнөд Монгол, Тува, Хали­маг, Алтай аймгийн бөхчүүд удахгүй мэдүүлгээ ирүүлэх биз ээ. Уг наадмын шагналын нийт сан тавин сая төгрөг гэж байгаа. Жин тус бүрт авар­галсан бөхчүүд хорь, хорин сая төгрөг гардах гэнэ. Элэг нэгтэн, монгол зон олон минь дэлхийн өнцөг булан бүрээс цугпаж эх нутгийнхаа өлгий болсон Монгол Улсынхаа нийслэлд хуран чуулах наад­мын бөхийн сонин хачин хийгээд, үүх түүхээс өгүүлэ­хүйд ийм байна.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Урлаг соёлынхныг хойш тавьж инженерүүд, бизнесмэнүүдээ алдаршуулах цаг болжээ

Улс оронд урлаг соёл хэрэгтэй юү гэвэл мэдээж хэрэгтэй. Дандаа л улс төр яриад албаны хүйтэн хөндий байна гэж юу байхав.  Гэх­дээ соёл урлагаас нэг юм нэвт анзаарагдах нь бий. Том гүрний дагуул орнуудад урлаг соёл ихэд хөгжиж, тухайн орны ард түмэн дуу хуураар л амьсгалж байх шиг санагддаг. Ойроос нь өмнөд Мон­голоороо жишээ авъя л даа. Тэнд дуу хөгжим сонирхдоггүй, морин хуур тоглодоггүй хүн гэж байна уу, ер нь. Өмнөд Монголын ах дүүсийн минь амьдралын утга учир дуулж хуурдаж, Чингэс хаанаа магтаж, түүнийгээ судлахад л оршиж байна гэхэд хэтийдсэн болохгүй байх. Ерөөсөө тэгж л харагддаг шүү дээ. Хоолоо олж идэх үндсэн арга нь тэр юм уу даа. Харин туурга тус­гаар Монгол Улсын өнөөгийн нийг­мийг цаг улирлын ая дан, хүмүү­сийн сэтгэлгээг харахад бид өмнөд Монгол шигээ, том гүрний дагуул орон шиг л болсон байна.

Өмнөд Монголоосоо илүү юм нь гэвэл улс төржиж л чадах юм. Улс төржих, урлагжих хоёр нарийндаа адилхан. Урлаг соёлыг сонирхдог­гүй нэгэн нь улс төрждөг, улс төрөөс хөндийдүүхэн нэгэн нь урлагждаг байх жишээний. Хошин шогийн хичнээн ч хамтлаг байдаг юм бэ дээ, бүү мэд. Өдөр бүр л “хаалтын тоглолт” гээд орилц­гоож байх юм. Тэр бүгдэд үзэгчид пиг дүүрэн байж тасалбар энэ тэр нь олддоггүй гэж байгаа. Зохиолын дуучид гэж бас л үй түмэн хүмүүс байна. Бүтээлийг нь бүү хэл нэрийг нь ч сайн дуулаагүй хүмүүс тайлан тоглолт хийгээд л. Бөх барилддаг газар нь орой бүр л үзэгчдээр дүүрэн байх юм. Зэ тэгээд ардын болон богинын дуучид гээд баахан орилсон хүмүүс байна шүү дээ, цаана чинь. “Эхийнхээ хээлэнд зарагдсан унага нутгаа гүйлээ ч билүү” тийм нэг “хит” дууг бүгд л дуулцгаагаад, нус нулимстайгаа холилдоод байх юм. Үнэн чанар­таа бол гэдсэндээ зарагдсан унага нэг удаа л нутагтаа очдог. Ер нь тэгээд хүлэг морь нутаг руугаа гүйсэн гүйгээгүйг уйлж дуулаад байхын хэрэг юу байна аа. Миний бие зүгээр л жишээ авч байгаа болохоос уг дууг сайн муу гэх гэсэнгүй. Өнөөгийн нийгэм, цаг үе ийм өрөвдмөөр болчихоод байгааг жишээлэн хэлж буй хэрэг шүү дээ. 

Урлаг, соёл, улс төр гурав маань арай хэтэрч байна аа. Бид одоо яах ёстой вэ. Урлагждаггүй, улс төрждөггүй зүгээр л хийж бүтээ­дэг ард түмэн болмоор байна.  Үнэхээр л туурга тусгаар улс үндэс­тэн юм бол дэлхий дахинд нээлт хийдэг ард түмэн болмоор байна ш дээ. Товчхондоо хэлбэл, дэлхийд брэндээрээ гайхуулдаг, улс орнуу­дад танилцуулдаг, атаа жөтөөг нь хөдөлгөдөг ард түмэн болмоор байх юм. Финланд “Nokia” брэн­дээр гайхуулдаг. Финланд бол дөрөв, тавхан сая хүн амтай улс. Тэгтэл “Нокиа”-гаар дэлхий дахинд яаж галзуурч байв. Одоо л “Samsung”, “Apple” энэ
тэр гээд өөр брэндийн утаснууд гарч ирээд байгаа боло­хоос үнэндээ “Nokia” л аваргалж байлаа. Монголд Фин­лан­­даас дутаад байх юм юу байна вэ. Нокиагаас гадна өөр улс орнуу­дын нэр нүүр болсон брэндүүдийг хар. Уртаас урт дараалал гарна. За тэгээд Америкийн “Kока коло” гээд үргэлжилнэ шүү дээ, Зүгээр нэг “Mc Donalds”-аар жишээ авъя л даа. Уйгагүй хөдөлмөрч чанар, идэхэд эвтэйхэн зүйл шууд анзаарагддаг. Сүүлийн үед хортой л гээд байгаа. Гэхдээ бид “Mc Donalds”  шиг юм хийж чадаагүй л байна. Уул нь элбэгхэн л чадахаар баймаар. Тэгэхээр одоо монгол­чууд минь сэтгэл тавиад, санаачилга гаргаад дэлхийн брэндүүдийг үйлд­вэрлэ­дэг болмоор байна аа. Үнэхээр цаг нь болж.

Бид болохоор “Говь”-ийнхоо ноос ноолуурыг брэнд л гээд байгаа. Өөр хоорондоо энэ зуураа тэгж үзээд байгаа болохоос “Говь” гэхэд дэлхий даяар шууд хүлээн зөвшөөрөх үү, бараг л мэдэхгүй дээ. Тал талаас нь зүтгүүлж байж дэлхийд өнөөдөртөө шоволзож байгаа “Говь”-оо бүгдээрээ юун түрүүнд брэнд болгоё. Нэг л тэгээд зүтгэчихвэл учир нь олдоно. Үр дүн нь ч гараад ирэх биз. Дээрээс нь бид юу л хийж чадна түүнийгээ хийцгээе. Бүр дээд зэргийн чанар­тай, олон улсын стандартад нийц­сэн бүтээгдэхүүн хийе. Ухаандаа, эсгийгээр гэрийн туурга биш бай­шин­гийн дулаалга хийдэг болмоор байна. Мэдээж тэр нь орчин үеийн стандартад зохицсон, ямар нэгэн үнэргүй, тусгай зориулалтын байх нь тодорхой. Гэхдээ Австралийг гүйцэж ноосоор эсгий туурга хийнэ гэж байхгүй л дээ. Би бол жишээ л татаад байна. Гарын дор, бидэнд ойрхон юу байна түүнийгээ л харж эрэлхийлэхийг сануулаад байна. За тэгээд техник технологийн дэвшилтүүд байна. Ухаандаа, айл бүхний гадаа уяатай байж байдаг “пап пад” гээд бичилхэн трактораар жишээ авъя л даа. Бид ийм хэмжээ­ний техник монголчлоод угсар­чихаж дөнгөхгүй гэж үү. Зарим нэг телевизээр угсарч байгааг нь  нэгд нэгэнгүй харуулах юм. Их л энгийн амархан харагдаад байгаа юм даа. Мөн Хятадын “Хүлэг” гээд жижиг мотоциль байна. Хөдөөнийхний гар хөл, мориных нь оронд морь болсон тэр унааг бид бас хийчихэж юу нь болохгүй гэж. Эвдрэхээр нь хөдөөгийнхөн тэр дор нь л мон­голчлоод засчихдаг гэж байгаа. Тэгэхээр хийчихэж чадна даа. Ингэж л бид өөрсдөө юм хийдэг болмоор байна аа.

Урлаг соёлоо одоо жаахан хойш тавья. Нарийн мэргэжлийн инженерүүдийг магтан дуулъя. Өнгөрсөн хавар байна уу даа, манай сонинд нүдний шилгүйгээр харах 3D зурагт бүтээсэн залуу эрдэмтний яриа гарсныг уншигч олон санаж байгаа байх. Ийм л нарийн мэргэжлийн, өндөр техно­логийн залуусаа мандуулах цаг болжээ. Юун тэр зохиолын дуучид, юун тэр бөхчүүд, юун тэр хошин шогийн жүжигчид вэ. Мөн улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж, томоо­хон хөрөнгө оруулалт хийж байгаа бизнесмэнүүдээ бас л дэлхий дахинд гаргаж ирэх учир­тай. Нэг үгээр хэлбэл, энэхэн цаг дор энэхэн ертөнцөд тэднийг бүргэд шиг өндрийг нь авахуулах хэрэгтэй байна. Гоё байшин барьж байгаа барилгачдаа, улс орондоо томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа баячуудаа алдаршуулж байж л урагшаа алхана шүү дээ. Харин тэдний хоорондох хор шар өрсөлдөөн хэрээс хэтэрвэл дарж өгч байх нь зүйн хэрэг.

“Эм
си эс”-ээс аваад түрүүчээ­сээ тэрбумтнууд Монголоос төрж байна. Тэднийгээ дэмжье. “Женко”-г, “Бодь”-ийг дэмжье. Олон улсад шоволзож буй эдгээр үнэт капита­луудыг төр засгаас бодлогоор дэмжих ёстой. Танай манай нам гэж улс төржилгүй дэмждэг л бай­маар байна. Тэгж байж л Монгол минь хөгжинө, дэлхийн нүүр царай болно. Өөр хоорондоо хэрэлдээд нам мам гэж талцаад, юм л бол урлаг соёл гэж зохиолын дуучид, хошин шогийнхон руу хошуураад байвал энэ улс орон чинь хөгжихгүй шүү дээ. Үүнтэй олон хүн санал нийлэх болов уу.

Дэлхийн хамгийн баян орон Америк. Учир нь хамгийн олон тэрбумтнуудтай. Монгол ганц ч долларын тэрбумтангүй байна. Мэдээж хам­гийн ядуу орон. Тэгэхээр тэрбумт­нууд олон болж, бизнесмэнүүд өрсөлдөн гарч ирэх ёстой. Гол усанд ганцхан баян байхад голоо­роо баян байдаг аа гэсэн үгтэй биз дээ. Эцэст нь хэлэ­хэд, урлагжих, соёлжих юм байлгүй яах вэ. Гэхдээ бизнесмэнүүдээ дэмжиж улс орны нүүр царай болсон дэлхийн брэн­дүүдийг бий болгох цаг хэдийнэ болжээ. Урлаг соёлоор монгол тэргүүлээд хоолоо олж идэхгүй, хол явахгүй. Хэрвээ дуулж хуурдаад хөгждөгсөн бол өдийд тэнгэрт нисэхээр, Монгол гэдэг улс даян дэлхийд мандахаар л боллоо. Үүнийг хоёрдугаар ээл­жинд тави­маар байна. Морин хуур шатлаа гэж уйлах биш монгол хүн ядуу байна, монгол хүн эндчихлээ гэж үнэн зүрхнээсээ уйлдаг бол­моор байна шүү дээ.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Жигмэддоржийн Сарантуяа: Намайг чинь “Ноёны бөхийн охин” гээд явуулдаггүй байж билээ

Ж.Жигмэддорж начин гэргий охины хамт

Монголын үндэсний олон ний­тийн телевизийнСоёлЭр­дэ­нэнэгдлийн редактор, МЗЭийн шагналт зохиолч, сэт­гүүлч Жигмэддоржийн Сарантуяатай ярилцлаа.

Аав таньНоёны бөххэ­мээн алдаршсан улсын цол­той хүн байсныг олонтаа сонсч бай­лаа. Аль нутгийн хүн байсан бэ?

-Завхан
аймгийн Алдархаан сумын хүн юм.  Бүхий л насаараа тээврийн тэрэгний жолоо мушгисан онц тээвэрчин байлаа. Намайг дөрөв, таван настай байхад шиг санагдана. Тавиад оны дундуур юм даа. Аав кинонд тоглоно гээд үсээ хусуулчихсан гэртээ ирлээ. Би айхдаа орон доогуур нуугдаж билээ. “Миний охин ааваасаа битгий ай.  Удахгүй аав нь зурагтаар гарна” гэж чихрээр хуурч байж намайг орон доороос гаргаж авч билээ. Аавыг кинонд тоглосны дараа хүүхдүүд намайг “Ноёны бөхийн охин”  гээд явуул­даггүй байсан. Тэгэхээр нь миний хор шар хөдлөөд “Би тэр ноёны бөхийн охин чинь мэдэв үү, Жиг­мэд­доржийн охин” гээд гэртээ уйлж ирдэг байсан сан.

-“Ардын элчкинон дээр ноёны бөх болж тоглодог бил үү?

-Тийм
ээ, Дэжидийн Жигжид гуайн найруулсан “Ардын элч” кино. Манай аав чинь өндөөр мантгар цагаан хүн байсан. Тухайн үедээ сайхан залуучуудын нэг л явж дээ. Жигжид гуай, ноёны бөх ийм л мантгар цагаан хүн байх ёстой гэж бодсон уу, яасан бүү мэд. Ямар ч байсан аавыг кинондоо тоглуулсан түүхтэй. Аав дахиж дэлгэцэнд дүр бүтээгээгүй. Хүмүүс янз бүрийн дүрд тоглуулахаар тухайн үед санал болгодог байсан гэдэг. Аав болохоор “Ах нь одоо болно доо. Дахиж кинонд тоглоод яахав. Тээвэр­тээ явж байвал л барав” гээд огтхон ч халгаадаггүй байж.

Тавиад оны дундуур байна уу даа, улсын цолонд хүрсэн байдаг. Чухам ямар бөхчүүдийг давж цолонд хүрснийг нь мэдэх үү?

-Тавин
найман онд улсын цо­лонд хүрсэн байдаг. Хэн гэдэг алдартнуудыг давж начин болс­ныг нь мэдэхгүй юм. Бага байсан болохоор санадаггүй. Аав нас нэлээд явчихсан хойноо барилд­сан. Тээврийн тэрэгнийхээ хийтэй дугуйг машиныхаа тэвшин дээ­гүү­рээ хэд хэдэн удаа давуулаад шидэхийг нь нүдээр үзсэн авто баазын дарга нь анх аавыг бөхөд уруу татсан байдаг шүү. Түүнээс идэр залуу үедээ барилдсан бол начин цолоор тогтохооргүй бөх байсан гэж олон хүнээс сонсч байлаа. Аав ч өөрөө хэлдэг байсан. Биднийг багад манайхаар бөхчүүд их ирнэ ээ. “Хулгар” Дамдиндорж гэж өмсдөг дархан мэхээрээ зартай бөх аавтай тун дотно байсан.  Д.Цэрэнтогтох аварга бөхийн ер­төн­цөд анх л тодорч байхдаа аавыг барааддаг,  манайхаар ирж ээжийн гарын хоолыг иддэг байсныг санаж байна. Мөн Б.Батхуяг гэж начин байсан даа. Бүтэн өнчин, асрам­жийн газрын хүүхэд байсныг бөх сонирхогчид мэдэх байх. Тэр бөх аав ээж хоёрын хүүхэд нь юм шиг л байдаг байсан. Их иднэ, цадна гэдгийг мэдэхгүй. Их иддэг хүнд аав дуртай гэж жигтэйхэн. “Энэ Бат­хуягийг өргөөд авчихдаг юм шүү” гэж ээжид хэлдэг байж билээ. Бид чинь эхээс зургуулаа. Бүгд охид. Эрэгтэй хүүхэдгүй болохоор ижий аав хоёр минь тэгж боддог байсан байх. Гэхдээ Батхуяг начин манай хүүхэд болоогүй л дээ.

Жигмэддорж гуайн хувьд ийм байж. Одоо яриагаа өөр лүү тань хан­дуулъя. Та хэдэн нас­тай­гаасаа шүлэг бичиж эхэлсэн бэ?

-Их
л багаасаа шүлэг зохиол сонирхдог байж дээ. Долдугаар ангийн сурагч байхдаа сургуу­лийн­хаа ханын сонинд хоёр шүлгээ анх гаргаж билээ. Харин түүний дараа­хан Соёлын гавьяат зүтгэлтэн, танай сонины сэтгүүлч  Галсангийн Жамьян гуай миний хоёр шүлгийг тухайн үеийн “Улаанбаатарын мэдээ” сонинд гаргасан юм. Дол­дугаар ангийн хүүхэд төвийн то­моо­хон хэвлэлд шүлгээ нийтлүүлнэ гэдэг хэр баргийн хүнд олдохгүй хувь заяа биз дээ. Баярлаж байгаа гэж жигтэйхэн. Гарч гүймээр ч юм шиг, хэн нэгэнд хэлмээр ч юм шиг санаг­даад л. Сэтгэл тогтохгүй л байсан хэрэг. Тэгээд хоёр наймын хувин бариад зуслангийн худаг руу очиж билээ. Баахан хүмүүсийн ард зогсож байхдаа “Намайг  сонинд гарсныг энэ хүмүүс мэдэж байгаа болов уу” гэж бодоод, хэрэндээ л онгирч байж дээ.

Утга зохиолын томчуудад тоогдож эхэлсэн үе гэвэл хэ­дий­нээс билээ?

-Арван
жилийн сургуулиа дүүр­гэсний дараахан Зохиолчдын хо­роог сурсаар очлоо. Яруу найргийн эрхлэгч нь Б.Явуухулан гуай бай­сан үе. Зохиолчдын хороог ёстой нөгөө лаврин шиг тансаг юм бай­даг байх гэж бодтол өрөө бүрээс тамхины утаа суунагласан газар байж билээ. Явуугийн өрөөний үүдэнд очоод “орох уу” гэтэл чимээ­гүй байгаад байх юм. Арай дүлий хүн биш байгаа даа гэж бодлоо. Дахиад орох уу гэтэл сая нэг юм “Ор оо…” гэж хөндийдүүхэн дуугарч байна. Яваад орлоо. Ус нутаг, ижий аавын тухай асууж байна. “Хэд­дүгээр ангиасаа бичиж эхэлсэн бэ” гээд хэдэн шүлгийг минь уншиж үзсэнээ бас ч хоосонгүй юм аа гэв. Тэгээд “Цог сэтгүүлийн “Оч” булан гэж байдгийг мэдэх үү гэлээ. Би ч шуудхан толгой дохилоо. “Нацаг­дорж гэж сахалтай цагаан залуу бий. Түүнд зураг, шүлгээ өг” гэсэн юм. Ингээд л Зохиолчдын хороог зорьж очингуут Явуу гуай хүлээж аваад “Оч” буланд өмнөтгөл бичин хэдэн халтар шүлгийг минь гар­гасан түүхтэй. Харин анхны номыг минь Сономын Удвал гуай эх барьж авсан юм.

Өө тийм үү?

-“Учраагүй
яваа ханьдаа” нэр­тэй анхны шүлгийн ном маань шүү дээ. Төлөвлөгөөнд номоо өгчи­хөөд бөөн баяр явж байтал нэг өдөр миний ном батлагдсан гэх сураг дуулдав. Тэр үед гар утас гэж байсан биш. Автобус унаа дамжин Зохиолчдын хороо руу чавхдаж очлоо. С.Удвал дарга “Би энэ хүүхдийн номыг эх барьж авна шүү” гэж өөрөө хэлсэн гэдэг. Ту­хайн үед С.Удвал гуай эмэг­тэй­чүү­дийн зөв­лө­лийн дарга байлаа. Намайг өрөөн­дөө дууджээ. Баахан айж сүрдэх нь мэдээж. Ямар сайн­даа л эгчийнхээ тэрлэгийг гуйж өмсөн, үсээ бур­жийл­гасан байс­наа шу­луун болгож хоёр салаа самнаж бай­хав дээ.  Удвал даргын өрөө том гэ­дэг хэлэх юм биш.  Алхаад л бай­хад газар хорж өгдөг­гүй. Тэгтэл “Чи наашаа хүрээд ир л дээ. Би чамайг бариад идчихгүй” гэж байна. Тэгээд хоёул нэг, хоёр үг солиход хөшсөн бие минь тавираад ээжтэйгээ, эсвэл эгчтэйгээ сууж байгаа мэт болов. Тэгтэл нарийн бичиг нь Оюун дарга ирлээ гэж байна. Удвал гуай оруул  гэлээ. Орос цэргийн дарга шиг дэп дап хийсэн хүн орж ирээд нэг их том дипломат цүнх ширээн дээр нь шидчихлээ. Миний айсан гэж жиг­тэйхэн. Эхний айд­саа­саа гарч ядаж байтал дахиад л нэг айдастай тулгарч билээ. Тэгж л Монголын аварга хоёр зохиолч эмэгтэйг нэг дор анх харж байв. Сүүлд нь би Удвал гуайн “Сэт­гэ­лийн өргөл” яруу найргийн номыг нь редакторлож байсан юм. Тэр сайхан хүнтэй холбогдсон хувь заяандаа сүсэглэж явдаг даа.          

Та чинь Горькийн сургууль төгссөн цөөн хүүхнүүдийн нэг дээ?

-Би
чинь тэрхүү дэлхийд алдар­тай сургуульд хожуу явсан хүн юм. 1980-1986 онд суралцаж төгссөн.  Сэлэнгийн Цэндийн Нямаа, Дам­бын Төрбат бид гурав шалгалт өгч байлаа. Тэгтэл Төрөө маань унаж, Нямаа бид хоёр тэнцсэн. Бага сага орос хэлний мэдлэгтэй байсан минь нөлөөлсөн байх. Би чинь Горькийн сургуулийн үндсэн ан­гийг төгссөн шүү дээ. Намайг сурч байх үед Горькийн сургуулийн дэргэдэх дээд курст  Жагдалын Лхагва, Дөнгөтийн Цоодол, Пүрэв­жавын Пүрэвсүрэн, Санжжавын Оюун гээд аваргууд  сурч байлаа.  Надаас хойш яруу найраг, үргэл­жил­сэн үгийн зохиолын чиглэлээр Горькийн сургуулийг дүүргэсэн эмэгтэй зохиолч Монголоос алга. Миний бие Горький төгсч ирээд “Хүний хүн” гэж богино өгүүллийн түүвэр, зураач Байдытай хамтарч “Хошин хөрөг” нэртэй элэглэлийн ном гаргасан. Одоо бол хэд хэдэн ном байж л байна.  

Телевизийн буянаар Мон­голын үе үеийн бүхий л алдарт­нуудтай уулзаж, яриа хөөрөө авч явсан. Тэр бүгдийг дурсана гэвэл  барагдахгүй байх?

-Өө
хэлэх юм биш. Монголын урлаг, соёл, утга зохиол, кино жүжгийн нэрт мастеруудтай өөрийн тань хэлснээр теле­ви­зийнхээ буянаар ойр явж иржээ.

Явуу, Дашдооров, Мөрдорж  гээд бүгдийнх нь тухай хөрөг нэвт­рүүлэг хийж амьд дуу хоолойг нь алтан фондод үлдээсэн байна. Ёстой халууныг халуун, хүйтнийг хүйтэн гэлтгүй зүтгэж явжээ. Нэг удаа шинэ жилийн нэвтрүүлгийн зураг авч яваад оргилуун дарсаа буудуулах гэтэл хөлдчихсөн байж билээ. Гачууртын наад талын аманд зураг авч байсан юм даг. Зу­раг­лаачийнхаа чихийг, тех­ник­чийн­хээ хацрыг хайруулчихаад л ирж байсан удаатай. “Манайхан” гэж нэвтрүүлэг хийсэн юм.  Ардын жүжигчин А.Очирбат, Ц.Гантөмөр, Ж.Лхамхүү, гавьяат жүжигчин З.Жа­ран­тав, Б.Магсаржав, Ч.Алтан-Өлзий, Л.Чаминчулуун гээд тайз дэлгэцийн одод оролцож байлаа.  Тэд чинь хүйтэн гэхгүй. Энэ олон жил нэвтрүүлэгт явахад “Одоо больё, буцъя Сараа минь” гэж нэг ч уран бүтээлч хэрүүл зарга хийж байсангүй. Үнэхээр халуун сэтгэл­тэй сайхан хүмүүс шүү. Тэдний энергиэр л тэтгэгдэж өдий хүрч явна. Ардын жүжигчин Б.Зангад гуай, ардын уран зохиолч Б.Лхаг­ва­сүрэн, “Хаврын шөнийн бодол”-ын Тунгалаг гавьяат, Зууны манлай дуурийн дуучин  Х.Уртнасан, урла­гийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөр нарыг аваад сумдаар явж л байлаа.  “Урлагийн бригад ба хаврын дуун” нэвтрүүлэг бэлдээд. Орой нь өнөө хэд чинь сумын төвийн улаан буланд ард иргэдтэй бүжиглээд, зураг хөргөө даруулаад бут авна. Биднийг хаа явсан газар хүмүүс дагадаг сан. Тэр бүхнээс Монголын ард түмэн утга зохиол, урлаг соёлынхондоо ямар их хайртай юм бэ гэдгийг мэдэрдэг дээ.

Энэ аваргуудыг чинь нэг дор дэлгэцэнд мөнхөлж дээ гэж бахархах сэтгэгдэл төрнө биз?

-Төрөлгүй
яахав. Баярын цэн­гүү­нүүд байна. Урлаг соёлын авар­гууд  бүгд л оролцоно. Ёолктойгоо, Гүрээтэйгээ  хөтлөн явуулж байсан нэвтрүүлэг алийг тэр гэх вэ. Ма­найх­ны хэлдгээр урлагийн бур­ха­дыг чинь бичиг цаас энээ тэрээ харахгүй, цол гуншинг нь цээ­жээ­рээ л тууж орхино шүү дээ. Би зарлана, би зарлана гээд Ёолк, Гүрээ бид гурав булаацалдахыг нь яана. Нэвтрүүлэг эхлэхэд бие хаа аяндаа цэгцрээд, үг яриа задгай, маш оновчтой, ончтой, энгийн сайхан болоод эхэлдэг сэн. Харин өнөөгийн  залуучуудаа хараад харамсах юм. Тухайн хүний албан тушаал, алдар цолыг буруу зөрүү хэлэх юу ч биш болж. Нэрийг нь буруу хэлээд байгаа юм чинь. Годгоносон, нэг их ганган охид хүүхнүүд л байна. Гэвч ерөнхий мэдлэг, уншсан барьсан, их утга зохиол, өв соёл, урлаг гоо зүйн боловсрол тун чиг дулимаг юм аа. Хамт­лаг дуучид юм уу, сүүлийн үеийн зохиолын дуучдыг л эргэл­дүү­лээд байх юм. Тэдэнд ярих юм юу байхав дээ. Хатуухан хэлэхэд, хүнд хэрэгтэй нэг үг ч хэлэхгүй ш дээ.

Ёолктойгоо, Гүрээтэйгээ гэс­нээс партнерууд чинь бүгд гавьяат болчихлоо. Өөрөө ер нь юу бодож байна аа. Хүмүүс таныг гавьяат гэж андуурах нь бий?

-Би
ер нь гавьяат хэмээх өндөр цолыг хүртэх ямар гавьяа бай­гуулсан хүн юм гэж хааяа боддог ш дээ. “Хүсэлтийн хариу” нэвтрүүл­гийг Монгол телевизээр явуулах болсноор хүмүүсээс дугтуйтай захиа авах болсон. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөтлөгч Сарантуяа танд гээд хаяглачихсан, манайхан гавьяат аа гэж шоолоод л. Зарим нь бүр гавьяат жүжигчин, сэтгүүлч Сараа эгчдээ гээд биччих­сэн байдаг. Би бол болоогүй дээ л гэж боддог. Гэхдээ амны бэлгээр гэж сайхан үг бий.

Уран бүтээлийн тайлангаа хэдхэн хоногийн өмнө олны хүртээл болголоо. Тоглолтын тухай мэдээлэл манай сонинд өмнө нь гарсан л даа. Гэхдээ л асуулгүй өнгөрч болох­гүй нь ээ?

-Монголын
үндэсний олон ний­тийн телевизийн 45 жилийн ойд зориулаад уран бүтээлийн тайлан­гаа олны хүртээл болголоо. Ард түмэн минь бүр нэг чин  сэтгэлээсээ хүлээж авлаа. Үүнд Сараа эгч нь их баяртай байна аа.  Хөгжмийн зохиолч Ц.Дашзэвэг ая данг нь тааруулсан “Эрийн тэнгэр”, мөн ерээд оны сүүлээр гарс ан “Би эмээ болохгүй” киноны дуу хийгээд бүтээлүүд маань дуулагдлаа. Г.Рав­дан, Л.Чаминчулуун нар бо­гино өгүүллэгүүдээс дээжлэн унш­лаа. Сайхан болсоон.

Мэдээж элэглэлүүдээсээ түүвэрлэж олонд хүргэсэн. “Бо­лор цомдээр элэглэлээ уншиж төрийн тэргүүнээсээ аваад бүг­дийг ньхийжөгдөг дөө?

-Үгүй
ээ яахав, элэглэл маань хүмүүст хүрээд байдаг шүү. Н.Бага­банди гуайг  Ерөнхийлөгч байх үеийн наадам санагдана. “Ерөн­хийлөгч минь сахлаа түр зээл­дэхгүй юү” гэсэн элэглэл унштал хүмүүс нирхийтэл инээлдээд, Ба­гаа Ерөнхийлөгч сахлаа имэрч буй агшинг манай телевизийнхэн “Бо­лор цом”-ын бичлэгтээ оруул­чих­сан байж билээ.

ЯРИЛЦСАН Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Д.Оюунбат: Гурван сар хоригдсоны эцэст л гэм буруугүй маань тогтоогдсон доо

Орхон аймгийн За­саг дарга асан Д.Оюун­баттай ярилцлаа. Тэрээр Засаг даргаар ажиллаж байх хуга­цаан­­даа эрх мэдлээ хэт­рүүлэн улсад 3.7 тэрбум төгрөгийн хо­хи­рол учруулсан гэх үндэслэлээр гурван жил зургаан сарын хо­рих ялаар шийтгүүл­сэн билээ. Гэвч түүнд оногдуулсан хэргийг Улсын дээд шүүх хэ­рэгсэхгүй болгосноор гурван сарын хуга­цаанд хоригдсоны эцэст суллагдаж ца­гаадсан юм. Эл эрхэм суллагдсанаасаа хойш сонин хэвлэлд нэг ч удаа ярилцлага өгөөгүй билээ.   

Таны хувьд гурван сарын хугацаанд хориг­дож байгаад суллагд­сан. Дээд шүүх өөрт тань оногдуулсан хэр­гийг хүчингүй бол­госон. Энэ талаар эх­лээд со­нирхмоор байна?

-Дээд шүүх
уг хэргийг хэрэгсэхгүй болгож
миний бие суллагдсанаасаа хойш сонин хэвлэлд яриа өгөөгүй.

Тухайн хэрэгтэй холбогдуулж санаа бодлоо илэрхийлээгүй л явсан. Харин одоо чухам юунаас болж намайг хорив гэдгийг олон түмэнд тайлбарлах цаг болсон гэж бодож байна. Намайг чинь Эрдэнэт хотод баригдсан цэнгэлдэх хүрээлэнтэй холбоотой асуудлаар хорьж цагдсан шүү дээ. Тэр нь хүмүүсээс ирсэн гомдлын дагуу юм. Мэдээж иргэдээс янз бүрийн санал гомдол гарч болно. Түүнийг хуулийн байгууллага шал­гаж үнэн мөнийг тогтоох нь зүйн хэрэг. Гэхдээ шүүх үнэнийг нь тогтоогоо­гүй байхад намайг шууд хорьчих­сонд л асуудлын учир байгаа. Ингээд гурван сар хоригдсоны эцэст буюу өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр надад тохоогдсон хэрэгтэй холбог­дуулж Улсын дээд шүүхийн шийд­вэр гарсан. “Энэ хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй юм байна” гэж үзээд хэрэгсэхгүй болгосон. Үнэн юм үнэнээрээ шийдэгдлээ. Уг  хэргийг үнэн зөвөөр нь шударга шүүлээ гэж шүүхийн байгууллагад баярлаж байна даа.

Та ер нь өөрийгөө шууд л хоригдчихно чинээ бодож байв уу?

-Анх
хэрэг хэлцэгдэж явах үед би ийм байдалд орчихно гэж үнэхээр бодоогүй ээ. Ямар сайн­даа Цагаан сарын баярт бэлдсэн зүйлсээ авчихаад шүүхээр үнэнээр шийдүүлээд оройдоо буцна гэсэн бодолтой байхав дээ. Манайхны хэлдгээр ёстой зүүдэлсэнгүй явлаа. Яагаад гэвэл би санаатай болоод санамсаргүй байдлаар огт буруу зөрүү юм хийгээгүй. Надад тохсон хэрэг гээд байгаа цэнгэлдэх хүрээ­лэн чинь 6800 хүний суудалтай. Монголд байхгүй гэх нь юу юм. Гэхдээ хөдөө аймгуудад байхгүй тийм цэнгэлдэх хүрээлэн. Битүү дээвэртэй, доторх шийдэл, хийц маяг, барилга байгууламжийн хувьд олон улсын стандартад нийцсэн гэж мэргэжлийнхэн дүгнэ­дэг. Тэрхүү бүтээн байгуулалтыг  яг л хууль номынх нь дагуу хийсэн. Миний санаачилгаар Эрдэнэт хотод хийгдэж байсан хөрөнгө оруулалтын ажлууд хууль ёсны дагуу л явдаг. Хэрвээ тухайн цэнгэлдэх хүрээлэнг ямар нэгэн байдлаар буруу гэж үзэх юм бол миний удирдаж явуулсан бүх ажил буруу болох байхгүй юу.

Ингэхэд тэрхүү цэнгэлдэх хүрээлэнг яагаад барих бол­сон юм бэ. Та өөрөө санаачил­сан юм уу? 

-Би
уг асуудлын тухай жаахан дэлгэрэнгүй ярья гэж бодож байна. Засаг даргын хувьд нүдэнд хараг­даж, гарт баригдах тодорхой нэг ажил хийхсэн гэж бодож байлаа. Цаг хугацааны дараа эргээд хара­хуйд “Би Эрдэнэт хотыг удирдаж байхдаа үүнийг хийж билээ” гэж бодох бүтээн байгуулалттай, хүнд харуулах юмтай байна гэдэг сай­хан биз дээ. Тэгээд л нөхдүүдтэйгээ зөвлөлдсөн хэрэг. Засаг даргын хувьд хоёр, гурван томоохон ажил төлөвлөсөн байв. Тэр дундаас цэнгэлдэх хүрээлэн дээр буулаа. Гэтэл тэр маань эргээд хар толгой дээр минь бууж, намайг торны цаана суулгачихдаг байгаа. Зураг болон төсвийг нь тендер зарлаж “Балданс” ХХК шалгаран хийсэн. Энэ дашрамд хэлэхэд, тэрхүү цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төсөл мундаг болсон. Монгол инженерүүдийнхээ ур чадвараар бид бүхэн бахархах ёстой гэж боддог. Их л өвөрмөц шийдэлтэй болсон доо. Зураг төсвөө гаргасны дараа хөндлөнгийн хяналтад оруулна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар тендерт хамтарсан.  Мөн Үнэлгээний хороог ч хамтарч байгуулсан. За тэгээд Үнэлгээний хороо гүйцэтгэгчээ шалгаруулах, Сангийн яамнаас хуулийн дагуу зөвшөөрлийг нь авах, санхүүжилт нь хийгдээд техникийн комисс хүлээж аван орон нутгийн өмчид бүртгэх гээд бүх ажил хуулийн хүрээнд, ном ёсныхоо дагуу бол­сон. Ингээд 2011 оны долдугаар сарын 10-ны өдөр эрдэнэтчүүд бид улсын баяр наадмаа шинэхэн цэнгэлдэхдээ өргөн дэлгэр тэмдэг­лэсэн. Эрдэнэт хотын маань 35 жилийн ой ч тохиосон. Ер нь тэрхүү ойг тохиолдуулан цэнгэлдэх хүрээ­лэнгээ байгуулсан гэхэд болно. Манайхан өнөө жил ч гэсэн наад­маа тэр л хүрээлэнд тэмдэглэлээ. Яалт ч үгүй л Орхон аймгийнхандаа барьсан бүтээн байгуулалт даа.

Таныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “4.6 тэрбумаар бос­сон цэнгэлдэх хүрээлэнг хоёр тэрбум төгрөгөөр барих боломж­той байсангэж бичиж байсан. Үүнд тайлбар хэлээч?

-Энэ
бол худлаа мэдээлэл. Би дахин хэлье, ийм зүйл огт байхгүй ээ. Мэргэжлийн байгууллага зур­гийг нь зураад, төсвийг нь зохио­гоод давхар хөнд­лөн­гийн хяналт хийлгээд дараа нь батлагдсан зураг төсвийг хэн ч өөрчлөх, нэмэх хасах эрх байхгүй. Хэрвээ зурагт өөрчлөлт орох бол­бол авторын зөвшөөрөл авч комис­соор шийдэгддэг. Бид энэ батлагдсан зураг, төсвийн дагуу л бүх ажлаа хийсэн. Үүнд Засаг даргын оролцоо гэж байдаггүй тендерээр шалгарсан мэргэжлийн “Балданс” компани хийж гүйцэт­гэсэн шүү дээ.

Гэвч таныг тендерийн явцад будлиан үүсгэн, эрх мэдлээ ашиглан хувьдаа мөнгө завш­сан гэж үзээд анхан шатны шүүхээс ял оноосон?

-Анхан
шатны шүүхэс намайг цагаатгах нотлох баримтуудыг хангалтгүй үнэлсэн гэж боддог. Тэр алдааг давж заалдах шатны шүүхээс засах байх гэж маш их найдаж, итгэж байсан даа. Мөн тэр үед олон аймгийн Засаг дарга нарыг шалгагдаж байна гээд сүр дуулиан болж байсан нь таарсан. Тен­дерийг бол тендерийн үнэлгээ­ний хороо шалгаруулна. Таван хүний бүрэлдэхүүнтэй тусгай комисс шалгаруулдаг. Түүнд Эрдэнэт үйлд­вэрийн дарга, Орхон аймгийн Засаг дарга аль аль нь оролцох эрхгүй. Яахав, хязгаар­лагд­мал тендер зарласан гэдэг юм л даа. Хязгаарлагдмал тендер зар­лах нөхцөл боломж хуулинд бий. Барилга байгууламж нүсэр том, хэр баргийн компани хийж чадахгүй, загвар нь хүндрэлтэй олон өвөр­мөц бүхий шийдэлтэй зэрэг нөхцөл байдлаас үүдээд хязгаарлагдмал тендер зарлах боломж бий. Үнэл­гээний хорооны дүгнэлтээр санхүү­гийн нэг ч төгрөгийн зөрчилгүй гарсан.

Мөн Газрын харилцаа, барил­га, хот, байгуулалтын газар гэж байна. Тэд өөрсдөө техник хянал­таа тавьдаг. Тэгэхийн тулд инже­нерийн бүтэн баг ажиллуулж байсан байхгүй юу. Өдөр болгон өнөө инженерүүд чинь хяналт тавина шүү дээ. Үүнийг хотын захирагчийн алба хянан баталгаа­жуулж Санхүү төрийн сангийн хэлтэс мөнгийг шилжүүлж ажил­ласан. Энэ ажилд нэг ч алдаа дутагдал гараагүй. Ажил хариуц­сан байгууллагууд тус бүрдээ чиг үүргийнхээ дагуу ажлаа хийсэн. Засаг дарга үнэлгээний хороонд ажиллахгүй, барилгын өдөр тут­мын ажилд хяналт тавихгүй, ажлын гүйцэтгэл тооцохгүй, тех­никийн комисс, улсын комисст орж ажиллахгүй үүнийг хариуцсан агентлаг байгууллагууд хийдэг. Аймгуудын хөрөнгө оруулалтын ажлууд ийм л тогтолцоогоор явагддаг. Ийм л нарийн хяналт дор ажил явагдаж байгаа. Засаг дарга яах вэ гэхээр бүх материалыг үзээд гарын үсэг зурах л үүрэгтэй. Түүнээс надад бэлэн мөнгө гар дээр байлгах эрх байхгүй. Зүгээр л гарын үсгээ зурах үүрэгтэй. Нийт долоон удаагийн гүйлгээгээр 3.7 тэрбум төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ бүгдийг нарийн тайл­барлаж байгаагийн учир гэвэл миний бие хөрөнгө мөнгө идсэн уусан асуудал байхгүй, мөн зөрчил гаргасан тохиолдол байхгүй гэдгээ илэрхийлж байгаа юм. Энэ хэргийг сөхөөд үзэхээр нэхэмжлэгч гэж байдаггүй, нэг ч төгрөгийн хохирол гэж байдагггүй. Надад иргэн хүнийг ч юм уу, байгууллагыг, аймаг, хот, улсыг хохироочихсон зүйл байхгүй нь тодорхой.

Тэгэхээр энэ хэрэг цэвэр гүтгэлгийн шинжтэй болж байна уу?

-Хавтаст
хэрэгт энэ  хүнд ямар ч буруу байхгүй, улс оронд юм уу, хэн нэгнийг хохироосон зүйл байхгүй гээд байхад прокурор “3.7 тэрбум төгрөгийн хохирол улсад учруул­сан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт өгөөд байсныг би үнэндээ гайхаад байгаа. Би чинь 3.6 жилийн хорих ял сонссон хүн шүү дээ. Гэмгүй хэнийг ч болов заавал яллах гээд тэгж улайраад байдаг юм болов уу, үнэндээ гайхах юм. Хэрвээ Оюун­бат гэдэг хүн тэр 3.7 тэрбум төг­рөгөөс ядахдаа арван сая төгрөг идчихсэн бол өөр хэрэг. За би чинь бас идэх нь ч идсэн шүү, хувьдаа завшсан шүү гэж бодно. Гэтэл үнэн хэрэг дээрээ сохор зоос ч халаас руугаа хийгээгүй болохоор   хэцүү юм билээ. Нэг зүйлийг дахин дахин хэлэхэд, шүүх бол үнэндээ ажил­ладаг юм байна. Аливаа зүйлийн үнэн мөнийг ямар ч цаг хугацааны дараа тогтоодог л юм байна. Үүнийг л сайтар мэдэрлээ.

Эрх чөлөөгөө хасуулчихаад сууж байхад юу бодогдож байв даа?

-Анхан
шатны шүүхээр орж байхдаа өөрийгөө ингээд хориг­чихно, ял эдлээд суучихна гэж огт бодоогүй. Энэ тухайгаа би дээр хэлсэн. Үнэн мөнөө хэлээд л, баримт материал нь байгаа юм чинь болчих юм байх л гэж бодож байв. Гэтэл шууд л барьж аваад хийчихсэн. Дараагийн шатны хуралд оролцох эрхгүй. Өмгөө­лөг­чөө л явуулна. Хавтаст хэрэгт материал хангалттай байгаа шүү гэдгээ өмгөөлөгчдөө хэлээд л явуулна. Гэвч ямар ч нэмэр болох­гүй. Торны цаана, бусдын хорионд байж байхад надад юу бодогдож байсан бэ гэхээр “Үнэн л ялна, би бол ямар ч гэм буруугүй хүн шүү дээ. Энэ хэрэгт маань нэхэмлэгч гэж алга, хохирогч гэж алга. Би улс орондоо гурав, дөрвөн тэрбум төгрөгийн байтугай ганц ч төг­рөгийн хохирол учруулаагүй дээ” гээд л бодоод байдаг. Тэгээд явж явж гурван сарын дараа Дээд шүүхийн шийдвэр гарсан. Хүн гээч чинь сайн муу юмыг үздэг л юм байна. “Хүнд эрх чөлөөнөөс илүү үнэтэй зүйл гэж үгүй. Сайхан сэтгэлээр л олныхоо төлөө зүтгэх нь чухал. Түүнээс аливаа хүнд хөрөнгө мөнгө, тансаг хэрэглэл гэдэг чинь хэрэггүй юм байна” гэдгийг яс махандаа шингэтэл ухаарлаа. Монголчууд үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг. Үнэн л юм байна. Гэхдээ туулайг багагүй удаан хугацаанд хөөцөлдөж байж гүйцлээ шүү (инээв).

Танд тохогдсон хэргийг зарим хүмүүс улс төрийн өнцгөөс харж байсан. “Оюунбат бол Эрдэнэт үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Ерөнхий сайд Сү.Бат­болд нарын шахалтаар огцорлоо. Түүнийг Засаг даргаас нь буул­гах зорилгоор л цагдан хорилоогэсэн яриа дуулдаж байлаа. Үүнд та ямар хариу өгөх вэ. Одоо нэгэнт хэрэг цагаадсан учир энэ тал дээр тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Намайг
Засаг даргаас огцруу­лах үндэслэл бараг байгаагүй л юм даа. Засаг даргын үйл ажил­ла­гааны хөтөлбөр чинь өссөн дүнгээр явах ёстой. Гурван жилийн дүнгээр би мөрийн хөтөлбөрөө 86 хувьтай биелүүлсэн байдаг: 2009, 2010 оны ажлын үр дүн хангалттай, 2011 оны  эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлээ би 97 хувьтай биелүүлсэн. 35 жилийн ой угтсан бүтэээн байгуулалтын ажил гэвэл хангалттай. Эрдэнэт хотод магад­гүй, ерэн оноос хойш аваад үзэхэд хамгийн их бүтээн байгуулалтын жил нь 2011 он байж болох шүү. Өөрийгөө дөвийлгөж байгаа юм биш л дээ. 2011 онд “Ажлын байрыг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгож зарлаад ард иргэд рүүгээ нэлээд хандсан. Амьд­рал ахуйг нь дээшлүүлсэн. Түүнийг төр засгаас зургаан сая төгрөгийн шагнал олгож байлаа. Зам харгуй, гэрэл цахилгаан гээд бүтээн бай­гуу­лалтын асуудлаараа Хотуудын холбооноос мөн л шилдгийн шилдгээр шалгарсан. Тийм бахдам сайхан амжилтыг минь хангалтгүй гэж үнэлсэн Орхон аймгийн хурлын төлөөлөгчдөд гомддог юм. Ард түмэн бол надад хэдийнэ дүнгээ тавьчихсан л байхгүй юу. Хурлын цөөн хэдэн төлөөлөгчдийн хуйвал­дааны асуудал бол тусдаа зүйл. Түүнд манай нам намайг хамгаалж хаацайлах байтал харин ч эсрэгээ­рээ хандсан. Ерөнхий сайд хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдааныг өөгшүүлж байгаа юм шиг тэр дор нь огцруулахаар гарын үсэг зур­чихсан байх жишээний. Уул нь мониторинг хийх ёстой шүү дээ. Огцруулна гээд байгаа нь ямар учиртай юм. Үнэхээр хангалтгүй ажилласан хүн юм уу, эсвэл энэ нь зүгээр нэг улс төр яваад байна уу гэдгийг харах ёстой байсан даа. Гэвч тэгээгүй ээ. Үүнд би гомдолтой гэдгээ намын нөхдөдөө болон тухайн үеийн Ерөнхий сайдад уламжилж хэлсэн л дээ.

Таны ажлыг авсан засаг ноёд­тойгоо одоо харилцаа хэр байна. Цаашид юу хийе гэсэн бодолтой байна?

-Орхон
аймгийн Засаг дарга Дэлгэрбаяр гэж залуу бий. Засаг даргадаа болон хурлын даргадаа өөрт таарсан ажил өгөхийг хүссэн. Ажил төрөл хийхгүй бол болохгүй нь байна. Би чинь хоёр хүүтэй. Хоёулаа тусдаа гарчихсан. Дан ганц эхнэрийнхээ цалинг харж амьдарна гэдэг хэцүү шүү дээ.  Энэ зун ус нутгаараа явж сайхан амар­лаа. Рашаан усанд орлоо. Найз нөхөд, ах дүү нартайгаа уулзлаа. Тэднийхээ санаа сэтгэлийг заслаа. Том хүү маань хурдан моринд сонирхолтой. Соёолон үрээ нь өнөө жил аймгийнхаа наадамд түрүүллээ. Сайхан л байна. Эрх чөлөөг л мэдэрч байна шүү дээ. Би чинь ингэхэд амьжиргааны ямар ч эх үүсвэргүй хүн юм. Ядахдаа хувьдаа ганц ч ТҮЦ-гүй л хүн юм. Гуч гаруй  жил Эрдэнэт хотдоо аж төрөхдөө аймгийн захиргаанд мэргэжилтнээс аваад Засаг дарга хүртлээ ажилласан байна. Төрийн төлөө л хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн ийм л нэг хүн байна даа. Одоо харин нэг зүйлд харамсах боллоо.

Юунд тэр вэ?

-Өдий
наслахдаа дэндүү шударга явж иржээ. Аав ээжээс өвлүүлсэн гэрийн хүмүүжил юм даа. Аавыг маань Булган, Эрдэнэ­тийнхэн андахгүй. Цэргийн хэлт­сийн Даваадорж дарга гээд хэн хүнгүй дурсдаг. Ёстой хир халдаа­даггүй шүү. Тийм л шударга, төр түмнийхээ төлөө бүхий л насаараа зүтгэсэн аавын хүү дээ. Манай намын нөхөд дунд “тэр тэрний хүн” гэх яриа байдаг даа. Би бол хэний ч хүн биш. Ямар ч дарга сайд, эрх мэдэлтний гар хөл бололгүй явж иржээ. Үүнд л жаахан харамсах юм. Хэрвээ хэн нэгний гар хөл болж, дарга дагаж далдганасан бол ор үндэсгүй хэргээр шорон­гийн хаалга татах уу, сайхан аав ээжийнхээ нэрэнд сэв суулгах уу, үгүй л байхгүй юу. Ингэж л бодох болсон. Гэхдээ яах вэ, хүн нэг алдаж болно. Гай барцад нь эрх биш гарсан байлгүй дээ. Гол нь үнэн гэдэг үнэнээрээ шийдэгдсэн л сайхан.

 Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

МОНГОЛ АРДЫН НАМД хариуцлага тооцох цаг болжээ

Хуучин Ху-гийн хүнд жин­гийн коммунистууд төрийн ажлыг гацаадгаараа гацааж, хойш нь улдан чангааж бай­на. Ардчилсан намд ялагд­сандаа бүр нэг хорсон зэвүү­цэж Их хурлын чуулганд ч суухаа болилоо. Хууль бу­саар төрийн түшээд болцгоо­сон юм аа гэдгээ хүлээн зөв­шөөрч байгаа мэт чуулганы танхим руу шагайхаа ч бай­лаа. Ард түмнийхээ өгсөн саналыг ийн үл хүндэтгээд зогсохгүй, биднийг яах гэж цөөнх болгосон юм хэмээн тавлан ихэрхэж байх шиг. 

Ер нь ч ингэсээр ирсэн дээ. Тэд хэзээ ч эгэл жирийн иргэдийнхээ төлөө байгаагүй. Төрийн ажил цалгардан, улс орон эдийн засгийн хувьд элгээрээ хэвтэж байхад Ар­дын намынхан амин хувиа л хичээдэг байсан. Тэр нь олон зүйлээр нотлогддог.   Ардчил­лын туг барьж, өөрчлөлт ши­нэчлэлтийг өөрсдөөсөө эхэ­лье гэсэн залуус малыг малчдад нь хувьчлахаар, нэгдэл нийгмийн ялтай ма­лаас ард түмнээ салгахаар, өрх гэрийнх нь өмч болгохоор манаргаж байсан цагийг хүн бүхэн мэдэж байгаа. Мал буяныхаа ашиг шимийг хүр­тэж, өнчин ганц ишигний мэдэлгүй байсан олон нуруу тэнийгээд зогсохгүй өнөөгийн нийгэмд баялаг бүтээгч, нэг үгээр хэлбэл баячууд болсон. Тэд бол бүр ч сайн мэдэж байгаа. Улсын аварга малч­дыг анзаараад байхад нэг­дэл нийгмийн хувьчлалын үеэр өөрт оногдсон хувьцаа­гаа авч хөдөө гарсан хүмүүс л байдаг.

Гэтэл тэр үйл явцыг хуучин Ху-гийнхан хэрхэн хүлээн авч, малыг хувьчлахгүй гэж дээр дооргүй зүтгэцгээн, суртал ухуулга хийж байлаа даа.  Ардчиллынхан малыг малч­дад нь хувьчилсан шигээ хот хүрээнийхэнд орон байрыг нь үнэгүй өгсөн. Засгийн бай­ранд сууж байгаадаа гэж бодохоор л гол нь харлан бүтэн нойртой хонож чадахаа байж, хэдэн хүүхдийнхээ ирээ­дүйн төлөө шаналж суу­сан иргэдэд Монголын ард­чилал, өнөөгийн ардчиллын лидерүүд нэг л өглөө байрыг нь өгсөн дөө. Хүн бүхний нуруу тэнийн аз жаргал хөөр баярт умбаж төрийнхөө ал­тан соёмбонд залбирч суу­сан нь мэдээж. Гэтэл мөн ялгаагүй, уг үйл хэрэгт өнөө коммунистууд чинь гай болж бас л төр засгийн ажлыг га­цааж хурал хаяж авирлад­гаараа авирлаж байлаа. Зөв­хөн дээрх хоёр жишээн дээр ч биш. Ерөөс олон түмний баталгаат амьдрал, сайн сайхны төлөө хийсэн бүх үйлдэлд тэд тээг саад бол­соор ирсэн. Газрыг хувьч­лахад яалаа, гадаад паспорт­той болоход “энэ ардчилал гэж огт хэрэггүй зүйл. Ард олныг мунхруулж гүйцлээ” гэцгээж байсан. Өнөөдөр нүү­дэлчин Монголын ард түмэн, ардчиллын буянаар дэлхийн соёлт улс орнуудад хэнбугай­гаас ч хараат бусаар зорчиж, ажиллаж амьдарч байна. Тэ­гэхээр ардчиллынхны санаж сэдэж, хуучин коммунис­туудтай тулалдан байж гүй­цэтгэсэн ажил ард түмэнд хэрхэн өгөөжөө өгснийг, улс орны хөгжил дэвшил цэцэг­лэлтэд ямар гавьяа байгуулс­ныг бид харж байна. Өнгөр­сөн хорь гаруй жилийн цаг хугацаа үнэн мөнөөр нь харуулаад өглөө шүү дээ.

Хуучин Ху-гийнхан улс эх оронд тустай, ард түмний ахуй амьдралд шууд хамаа­ралтай бүтээн байгуулалт болоод бүхий л үйл явцад саад тээг болохоос гадна улс төрийн хүрээнд дандаа хо­рон санаа агуулсаар ирсэн. Засаг төрийг гацаах тэдэнд юу ч биш. Төр засгийг өөрс­дийнхөө дураар өөрчлөх гэж тусгай төлөвлөгөө боловс­руулан хэргээс сарниаж, бу­таргаж, хагалж, нам эвслүү­дийн дунд чулуу, мод шидэж ирсэн хүмүүс. Түүндээ бүр нарийн гаршсан гэж байгаа. Эвслийн Засгийн газрын үед Их хуралд нөхөн сонгуулиар орж ирсэн Намбарын Энх­баяр УИХ дахь Ху намын бүлгийн ахлагч болонгуутаа Засгийн газрыг унагах асууд­лыг хамгийн түрүүнд сөхөж байсан түүхтэй. Төрийн шаг­налт нэрт нийтлэлч, эдийн засагч Баабарын гардан хий­сэн санхүү банкны шинэч­лэлийг тухайн үеийн сөрөг хүчний егзгөрүүд мөн л хү­лээж авахгүй хэчнээн ч өдөр хурал хаяв, түүнээс улбаалан Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорч байсан удаатай. Тэд ингэж л засаг төрийн ажлыг өөрсдийнхөө санаа бодолд нийцүүлэх гэж сурс­наараа хурал хаядаг байсан даа. Түүнийхээ хүчинд ч дөр­вөн жилийн хугацаанд дөр­вөн Засгийн нүүр ард түмэнд харуулан алдаа мадгаа ард­чиллынхан руу аймшиггүй­гээр тохож өөрсдөө нэр цэвэр үлдэж байлаа.  

Хоёр мянган оны сонгуу­лиар Их хурлын 76 суудлын 72-ыг эзэлж засаг төрийг бүрэн өөрийн хяналтдаа авсан. Тэр цагаас хойш Мон­гол Улсад хууль шүүх гэсэн байгууллага байхаа больж, Ху намын гишүүн л бол гэ­рийн нохой сүүл өөдөө гэдэг шиг дураараа авирладаг бай­­лаа. Улс орон нэг намын систем рүү бүрэн шилжсэн байлаа. Ард түмэн ардчилсан хүчинд саналаа өгөхөд авто­матаар Хувьсгалт намынх болж байлаа. Авлига хээл хахууль хэрээс хэтэрч, зөвхөн намын дарга, Ерөнхий сайд нь хаан шиг байгаад зогсох­гүй эхнэр хүүхдийнх нь эрх мэдэл ч дийлдэхээ байсан. Улс төр судлаач, нийгмийн сэхээтнүүдийн хэлдгээр 2000 оноос Монгол Улс бүрэн ялз­ралд автсан билээ.

Тэрхүү төрийн ялзралыг байхгүй болгох гэж, даран­гуйлагч намын системээс улс орноо гаргах гэж Ардчилсан намынхан байдгаараа л зүт­гэж байна. Тэдэнд ард түмэн итгэж байна. Ер нь ч итгэсээр л ирсэн. Тэрхүү итгэл өнөө жилийн сонгуулиар харин бага ч болов баталгаажих шиг боллоо. Тэгтэл байдаггүй ээ, өнөө коммунистууд чинь сур­сан занг сураар боож бол­доггүйн адил төрийн ажлыг гацааж орхив.  Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн дагуу шинэ парламентын анхны чуулганыг даргалаад 2012 оны Их хурлын ээлжит сон­гуулиар төрийн түшээгээр сонгогдсон гишүүд тангаргаа өргөсөн цагаас хойш ямар хугацаа өнгөрч байгаа билээ. Их хурлын даргыг сонгоход Ар­дын намынхан төр засгийн ажил бидэнд падгүй гээд на­мынхаа Бага хурлыг хийсэн. Өнөөдөр хүмүүс яанаа  ийнээ “Ардын намынхан чинь арай дэндүү олон хоног төрийн ажлыг гацааж байна шүү” гэцгээн улс орныхоо хувь заяа, өөрсдийнхөө амьдралд санаа зовсон байдалтай  өөр хоорондоо ярилцаж байна. Энэ хэдхээн хоног бол Ардын намынханд юу ч биш ээ. Дахиад хэдэн сар жил төрийн ажлыг гацаахыг таашгүй. Уг нь одоо 1996-2000 оных шиг төрийн ажлыг гацаадаг нөх­цөл байдал ч өөрчлөгдсөн, ард түмэн ч ялгадаг болсон гэдгийг ойлгомоор юм. Гэвч тэдний байдлыг харвал төсөв батлахгүй, шинэ ший­дэмгий ажлуудад гар бие оролцох­гүй. Харин чуулганд хаа нэг орж ирэхээрээ дахин сон­гууль явуулна гэж л үзэх нь. Өөрсдөө л дарга сайд болж, эрх мэдэл албан тушаалд очихгүй л бол ард түмний амьдрал, улс орны хувь заяа энэ нөхдөд үнэндээ падлий­гүйг Монголын ард түмэн эрх биш ухаарч байгаа байлгүй дээ. Уг нь одоо хад­лан, өв­лийн бэлтгэл гээд хийх зүйл их байна. Төрийн залгамж бодлого ямар ч үед явж л байх ёстойсон.

Энэ бүхнийг эргэцүүлж бодохоор Ардын намынханд хариуцлага тоо­цохоос өөр аргагүй байгаа юм. Зөвхөн хариуцлага тоо­цоод зогсох­гүй улс төрийн тавцангаас бүрмөсөн арч­маар байна л гэж үзэх учир­тай. 

Соц нийгмийн үед хуучин Ху-гийнхантай ижил үзэл бодолтой байсан улс орнууд ардчиллын зам мөрөөр зам­нахдаа өнөө үзэл сурталж­сан намаа яаж үгүй хийсэн билээ. Улс төрийн тавцан­гаас бүрмөсөн арчиж, нийг­мээ тэр чигээрээ нь цэвэр­лээд хөгж­лийн зам руугаа орсныг хүн бүхэн мэдэж бай­гаа. Тэдгээр улс орнууд л өнөөдөр дэл­хийн хөгжлийг тодорхойлж явна. Гэтэл Мон­гол Улс өнөө л хатуу харгис коммунис­туудтайгаа зуурал­даж ураг­шилдаг ч үгүй. Урагш­лахаар барахгүй  улам л хойш суу­саар байна. Гол нь энэ намыг татан буулгаа­гүйгээс ийм байдалд хүрлээ. Улс орны­хоо хөгжил цэцэг­лэл­тэд гар бие оролцож урагшлуул­даг­гүй юмаа гэхэд хойш нь улдан чангаадаггүй нам хүчинтэй болох цаг Мон­голын улс төрд хэдийнэ ир­жээ. Цаг үе ч шаар­даж байна. “Хуучин Ху намынхныг татан буулгаа­гүйгээс бид асар ихийг алд­санаа өдөр ирэх тусам ухаа­рах юм” гэж ардчи­лагчдын ярьдаг гарцаагүй үнэн бо­лолтой.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

МАН-ын даргаар яригдаж буй Ө.Энхтүвшин гэж хэн бэ?

Их хурлын ээлжит сон­гуульд ялагдал хүлээж амаа­раа шороо үмхсэн Ардын намынхан удирдлагууд­тай­гаа тооцоо хийхээр болсон. Үндсэндээ намын дарга, ерөн­хий нарийн бичгийн дар­га хоёртоо хариуцлага хү­лээл­гэн албан тушаалаас нь хөөж явуулахаар болоод бай­гаа билээ. Тэд ч даргын алба­наасаа огцрох өргөдлөө өг­сөн гэж дуулдаад байгаа. “Намынхаа нэрийг өөрчилж сонгуульд орсноор нам ялагд­вал хариуцлагыг нь хү­лээнэ” гэж Сү.Батболд хэлсэн эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ арыг нь даана гэж эрхбиш хэлсэн байлгүй дээ. Ямар ч байсан “Намын нэрийг өөр­чилснөөр сонгуульд ялагдал хүлээхгүй. Сонгуулийн дүнд огтхон ч нөлөөлөхгүй” гэж байсныг нь санах юм. Харин ерөнхий нарийн бичгийн дар­га У.Хүрэлсүх болохоор “Бүх ха­риуцлагыг би хар толгой­гоороо үүрнэ” гэж олны өмнө бардам хэлж байлаа. Намаа ялагдахгүй юм шиг, өөрөө ингээд хөөгдөхгүй юм шиг бардам байсан даа, хөөрхий.

Энэ бүхнээс болоод Сү, Хүрэлсүх хоёртой намын нөхөд хариуцлага тооцож байгаа. Гол нь намаа сон­гуульд ялуулж чадаагүйгээс болоод шүү дээ. Гэхдээ энэ хоёр нөхөртэй тооцоо бодох­доо ялыг нь аваад ямбыг нь эдлүүлж байх шиг. Намын дарга, генсекийн ажлаа өгнө гэдэг чинь үнэндээ бол ялаас мултарч байгаа гэсэн үг. Ха­рин дээрх албан тушаалд байсныхаа хүчинд Их хур­лын гишүүний зөөлөн суу­далд суух эрхтэй болсон. Энэ нь болохоор ямба эдэлж байгаа хэрэг бус уу. Ийм байдал нь намын гишүүдийн дургүйг илт хүргэж байна аа даа, янз нь. Тэгээд л дээр дооргүй шуугилдаад байна ш дээ. Нэгэнт л хариуцлага тооцож байгаа ухаантай юм бол наад хоёр нөхрөө Их хурлын зөөлөн сэнтийгээс буулгах хэрэгтэй.

Тулаанд ялагдсан намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарын суудалд хэн хэн очих талаар сүүлийн үед яригдаж байна. Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Цогт­баатар, Г.Зандан­ша­тар нарын хуучин сайдууд болон Их хурлын гишүүн асан Ж.Сүхбаатарын нэр хүчтэй дуулдаж байна. Хүрэл­сүхийн хувьд Занданшатарыг намынхаа генсек болгох со­нирхолтой байгаа.

Яагаад гэвэл Хүрэлсүхийн бодож төлөвлөсөн болгоныг Занданшатар хоёргүй сэт­гэлээр үргэлжлүүлэх учраас тэр. Үндсэндээ намдаа босго­сон улс төрийн карьерийг нь тэр чигээр нь хадгалж үлдэх учраас Занданшатарыг тавих гэж зүтгээд байна. Маш товч­хондоо, Хүрэлсүх өөрийгөө л бодож байгаа байхгүй юу. Хэрвээ намаа бодсон бол Цогтбаатарыг генсек болгох нь зүйн хэрэг. Цогтбаатар бол Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга байсан. Дараа нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар хэсэг хуга­цаанд ажиллаж, өөрийгөө таниул­сан Ардын намын за­луу лидерүүдийн нэг. Дээр нь тэрээр маш өндөр боловс­ролтой, оюуны потенциалтай залуу. Өнөөгийн Ардын на­мын нэрээ сольж, имижээ тодорхойлж ядаж байгаа энэ үед яв цав таарах л залуу улстөрч юм.  Гэвч “Улс төрд сөрөг хүчин болж буй намын ерөнхий нарийн бичгийн дар­га хатуу ширүүн, бас ч үгүй туршлагатай хүн байх ёстой” гэсэн Хүрэлсүхийн пиараар Занданшатар нь томилогдох магадлал өндөртэй болчих­лоо л доо. Өнөө Цогтбаа­тарыг чинь гол гаргах болол­той.

МАН-ын шинэ имиж гэс­нээс уг намын дүр төрх өнөө­дөр хуучны Ху намаас шал өөр болсон юм сан. Хуучин бол ард түмнийхээ хөрөнгийг хураадаг, сэхээтнүүдээ тол­гой дараалан бууддаг, Зас­гийн эрхийн төлөө яахаас ч буцдаггүй нам байлаа шүү дээ. Түүнийг нь түүх бэлээхэн гэрчлээд өгнө.  Харин Сү.Бат­болд маш либериал үзэлтэй намыг бий болгох гэж зүтгэж ирсэн. Намынхаа нэрийг со­льж, улс төрд ялагдаж байж л намаа либериал өнгө төрх­тэй болгох гэж чармайсан. Тэгтэл өнөө Ардын намын чинь тэр­хүү ардчилсан либе­риал шинж төрх сүүлийн үед алдагдаж, хуучин хэвэндээ орох магадлал өндөр болоод явчихлаа. Тодруулбал, на­мынхаа даргад Ө.Энхтүвшинг дэвшүүлснээр ийм байдал бий боллоо л доо. Үүнийг миний бие хэлж дүгнэж байгаа юм биш. Намынх нь гишүүд, журмын нөхөд нь хэлж байна аа. Ингэхэд Ар­дын намын даргад нэр дэв­шин яригдаж буй Өлзий­сай­ханы Энхтүвшин гэж хэн бэ. Хувь хүнийх нь үзэл бодол, улстөрчийн хувьд туулж ир­сэн зам мөрийг нь эргээд нэг харъя.  Эл эрхэм бол шинэ цагийн ардчилсан Монгол Улсад тоотой цөөхөн үлдээд байгаа хатуу ширүүн нь хэ­рээс хэтэрсэн коммунистын сонгодог дүр юм. Ямар ч хольцоогүй цэвэр коммунист дарга нарын өсгөн бойжуул­сан, дахин давтаад хэлэхэд Монголд маш ховордсон ийм улстөрч гэдгийг улс төрийн хүрээнийхэн байтугай энгийн олон мэднэ. Намайг ийн хэл­сэн хэлээгүй бүгд мэдэж байгаа.   

Ө.Энхтүвшин намын дар­га болох гавьяатай хүн үү. Улс төрийн хүрээнийхэнд бо­лоод, намын нөхдөд нь ийм асуулт тулгарлаа. Тэрээр өнгөрсөн он жилүүдэд нам­даа ямар гавьяа байгуулав гэхээр ямар ч гавьяа бай­гуулаагүй байдаг. Намын бүхий л хагарал бутрал, зад­ралыг энэ хүн гардан хийж байсныг нь бас л олон түмэн мэднэ дээ. Зангидсан гар шиг намыг бутарган жигүүр гэх нэрийдлээр нууц бүлэг  бай­гуулан өөрөө сэлэм эргүүлж байлаа. Тэгэхдээ намаа ард­чилалтай болгох гэж тэмцсэн үү гэвэл бас үгүй юм аа. Ерөө­сөө л албан тушаал, алдар нэ­рийн хойноос үхэн хатан зүтгэхдээ тийм тэмцэл өр­нүүлсэн байдаг. Түүнийхээ хүчинд М.Энхболдын Зас­гийн газрын үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болж байлаа шүү дээ. Сайдаас өмнө намынхаа нэ­рээр нэлээдгүй албан тушаа­лын зөөлөн суудалд суусныг манайхан мэднэ. Радио, телевизийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гээд л түүний авсан албан тушаал үргэлжилдэг.

Гэтэл албан тушаалгүй болонгуутаа өнөө жигүүр гээ­чийг байгуулж, намаа бутар­гасан нь тэр. Түүний тэрхүү үйлдлийг хамгийн хатуу хахирган коммунист гэгддэг Ц.Нямдорж нь тэвчиж ядах­даа “Дорбинкодчихмоор” гэж шүдээ зуугаад хэлж байхав дээ. Тэгэхээр Энхтүвшин гэж ямар харгис коммунист гэдэг нь батлагдаад байгаа биз. Ерөөсөө Нямдоржийн тэрхүү ганц үгээр л батлагдаад бай­гаа хэрэг. “Ардын  нам харгис Энхтүвшингээр удирдуулаад ийнхүү цэвэр коммунист бо­лох зам мөрөө хөөлөө. Сүү­лийн үеийн өнөө либериал ардчилсан имиж нь байхгүй боллоо. Яг л гучин долоон онд гучин найман мянган лам нарыг буудсан шигээ тийм харгис нам боллоо. Тавь, жар, далаад оны сэхээт­ний төөрөгдлийг гардан хийсэн шигээ нам боллоо. 2000 онд төр барихдаа арван таван мянган төрийн албан хаагчийг намын харьяалал гэсэн нэрээр гудамжинд хөөж гаргасан шигээ нам буцаад боллоо доо” гэж улс төр суд­лаачид өөр хоорондоо ярьж байна. Улс төр судлаач гэлт­гүй улс төрийн хүрээнийхэн ярьж байна. 

“Орчин үеийн улс төрийн ийм өрсөлдөөнтэй талбарт хуучин Ху-гийн угшилтай харгис нам цааш явах уу. Үнэндээ явахгүй шүү дээ. Энэ нам өнөөдөр үеэ өнгөрөөжээ. Энхтүвшин дарга болсноор Ардын нам задарч, ерөөсөө л мөхөх замдаа орлоо” гэж мөн л улс төр судлаачид үзэж байна.

Намын даргаа буруу сонгож байна аа гэдгийг на­мын ги­шүүд нь дээр дооргүй ярил­цаж байна. “Ардын нам ийм коммунист даргатай болоод хэнтэй тэмцэх гээд байгаа юм бэ” гэж нэг нь асуухад, ард түмэнтэйгээ тэмцэхээс өөр хэнтэйгээ тэмцэх вэ дээ гэж нөгөөдөх нь хариулж байна. Улс төрийн хүрээнд, ялагдсан намын эргэн тойронд сүү­лийн үед ийм л яриа хөөрөө өрнөж байх шив дээ. Энхтүвшингээ тойрсон яриа л хуучин Ху-гийнхны дунд газар авч байна даа.

Categories
редакцийн-нийтлэл

Бөхийн АРАНГА ПҮРЭВЖАВ болоод бөхийн ЖУДАГГҮЙ ПҮРЭВСАЙХАН нарын тухайд

Ховдын Пүрэвсайхан гэдэг бан­ди Пүрэвжав харцагын гэдэс рүү шүдээ хавирч байгаад хөлөөрөө жийгээд тийрчихлээ. Тэгтэл Батзориг тэргүүтэй халхайсан нөхөд дайны талбарт ирж байгаа мэт хоёр нүдээ улаанаар эргэл­дүүлэн цэнгэлдэхийн ногоон зүлэг рүү гүйлддэг байгаа. Өнөө Пүрэв­жавыг чинь нийлж зодох нь л дээ. Өндөр цолтой, өөрөөсөө хамаагүй ах бөхийг тийрч орхисон бандийн зөв байх нь. Ус нутгийн бөхчүү­дийнх нь байдлаас харахад шүү дээ.

Ах зах, цолны том, бага нь одоо дүүрч дээ гэхэд монгол бөхөд чинь өрсөлдөгчөө хүндэтгэх тийм нэг жудаг, бичигдээгүй хууль бий юм сан. Өнөөгийн залуучууд ир бяран­даа эрдсэн, ямар хүйтэн хахирган болоо вэ. Түүнийг нь том цолтой бөхчүүд, нутаг нугынхан нь ямар их хөөргөддөг болоо вэ.

Өнөө жилийн наадмын хөндөх учиртай гол сэдвийн нэг чинь энэ бус уу. Аймгийн цолтой бөх тү­рүүлж улсын арслан болсноос илүүтэй томоохон “сюрприз” чинь энэ биш үү. Ховдын нөгөө залуу чинь “Пүрэвжав харцагатай тун сайхан барилдлаа” гээд сэтгүүлч­дийн асуултад хээвнэг хариулаад зогсож байх юм. Ёстой нэг аазгай хөдөлгөөд авсан шүү. Эндээс л ерэн нэгэн жилийн ойн наадмын бөхийн сониныг эхлүүлнэ дээ. Өнөө жилийн наадам телевизийн суваг бүхнээр арваад хоногийн турш нялайтал, ард түмнийг зал­хаатал гарлаа. Гэвч хар хөлс нь цутгасан хэдэн бөхчүүдийн “сайхан барилдлаа, ард түмэндээ баяр­лалаа” гэсэн жижүүрийн хэдэн үгнээс өөр сонирхол татах юм гарсангүй.

Зүгээр л барилдаанаа давтаад байх юм. Хөшигний цаана ямар найраа хөөрөө хийгдсэн, ам угтуул авахдаа хэн хэн алдаа гаргасан, улсын цолтнуудаас ямар нөхөд маш муу барилдсан, наадмын өмнө бэлтгэл хийгээгүй, сонгуулийн шоунд яваад ялсан болоод ялагд­сан нэр дэвшигчтэйгээ наадам хүртэл наргиж “ногоорч” байгаад ирсэн, ямар бөхчүүд ичихгүй нут­гийнхаа хүчтэнүүдээр гар амар даваад байсан гээд яривал наад­мын эргэн тойронд үгүй ээ мөн олон зүйл яригдана даа. Өнгөрөгч өдрүүдэд хэнбугай ч ам нээсэнгүй. Манайд чинь уул нь баахан бөхийн зүтгэлтэн, судлаач энэ тэр хүмүүс байдаг биз дээ. Харам­салтай нь тэд маань яг л ярих үедээ ганц ч үг ганхийхгүй юм даа. Сайн барилд­сан нэгнийхээ тухай олон нийтэд хэлчихгүй юм даа. Бусад үед бол амаа олохгүй магтдаг биз дээ.

Тэгэхээр энэ жил хамгийн сайн барилдсан бөхөөр яалт ч үгүй улсын харцага Л.Пүрэвжавыг нэрлэх байна. Жил жилийн тав, зургаагийн даваанд түрүүлнэ гэсэн бөхийг нухаж байдаг, үнэхээр бөхийн аранга юм аа. Гэвч өөрөө түрүүлэхгүй юм. Анх барилдаж эх­лэхээсээ л шуугиан дэгдээсэн. Тэр жил Өсөхөө аваргыг яалаа. Хоёр мянга дөрвөн онд шүү дээ.

Дундговийн Пүрэвжав гэж аймгийн начин цолтой залуу Өсөхөө аваргыг дөрвийн даваанд унагаж амыг нь бариулж байсан түүхтэй. Тухайн үед Өсөхбаяр аварга одоогийнх шиг, тодруулбал энэ жил Сугаржаргал гэж залууд дөрвийн даваанд сөхөрдөг шигээ байгаагүй юм аа. Ёстой нэг ид хав нь гүйцсэн, торгон ирэн дээрээ байсан юм. Өмнөх жилүүдэд нь Гантогтох, Сумъяабазар нарын нэгэн үеийн хүчтэнүүдээ орхин дараалан түрүүлж арслан, аварга хэмээх цолуудыг угсруулан аваад байсан үе л дээ. Тийм байхдаа л өнөө гайхалд чинь тахимаа өгч байлаа шүү дээ. Тэр цагаас бөхийн дэвжээнд Пүрэвжав гэсэн нэр сон­согдож, Наранцацралт сайд Агваансамдангийн Сүхбат аваргыг нутагтаа аваачин “Хур харцага” дэвжээ байгуулсан нь ивээлээ хайрласан юмдаг. Тэрхүү бөхийн арангыг Санжаадамба тавын даваанд амладаг нь ч юув. Өсөх-Ирээдүй юм уу, Завханы Гон­чигдамба, эс больёо гэхэд Булганы Энхбатыг авчих боломж байсан. Бат-Орших, Содномдорж нарын харцагуудыг амладаггүй юм аа гэхэд.

Хэрвээ Санжаадамба тав давсан бол бөхийн барилдаан бас л сонин болох байсан даа. Бөхийн аранга Пүрэвжав болоод бөхчүү­дээ хайрлах сэтгэлгүй Пүрэвсай­хан нарын тухайд цухас өгүүлэхэд ийм байна. Нэмээд хэлэхэд, тү­рүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа хүчтэнүүд Пүрэвжав харцагаас тойрч ам авахыг сануулъя. Харин Ч.Батзориг заан тэргүүтэй Ховдын бөхчүүд болоод “Аварга” дээд сургуулийн багш Адъяахүү нарт хандаж хэлэхэд наад Пүрэвсай­хандаа “Эхлээд унаад сурчих нь зөв гэдгийг зөвлө. Хичнээн өрсөл­дөөн, бүтэн жилийн хөдөлмөр ч өрсөлдөгч бөхөө хүндэтгэх ёс жудаг, монгол бөхийнхөө дэвжээг ариун нандин хэмээн хайрлах бодол ухаан суулгах”-ыг эрмэл­зээрэй дээ. Улсын цолгүй, төрийн наадамд бараг л анх зодоглоод өрсөлдөгч бөхөө гэдэс рүү нь тийрч байгаа хүн чинь ирэх жил “Чи амлаад байхдаа яадаг юм” гээд тархийг нь хага цохиод цус нөжтэй нь холих нь л дээ.

БӨХИЙН

СОНИН ЦААШ

ҮРГЭЛЖЛЭХ НЬ

Өнгөрсөн жилийн наадмаар 23 бөх цол авсан байдаг. Начнаас аварга хүртэлх бүхий л цолыг шүү дээ. Тэд хэрхэн барилдсаныг эр­гээд харъя. Мэдээж арав түрүүлсэн С.Мөнхбат аваргаар эхлэх нь зөв байх. Эрэмбэ дараагаа бодсон ч тэр. Залуу аварга маань гурав давж л аварга цолоо “батлав” шив дээ. Түрүү бөхтэй таарсан юм, аргагүй ээ хэмээн бодох авч аймгийн арс­ланг дийлдэггүй аварга юм уу даа гэж бас бодож болох. Аль нь ч байсан хамаагүй, аварга Мөнхбат гурав давсан нь үнэн хойно. Үзүүрлэсэн арслан Гун-Аажавын Эрхэмбаяр яалаа. Долоо давсан. Их шөвөгт шалгараад бас л түрүү бөхөд унасан. Тэр нь аймгийн арслан. За дүүрч ямар ч байсан долоо давжээ. Сэлэнгэ аймгаас улсын аварга цолтон төрөөгүй байгаа. Эрхэмбаярт боломж бай­гаа болов уу гээд түүнийг орхиё. Их шөвөгт шалгарч найм давсан гарь­дууд яаж барилдав.

Говь-Алтайн Бат-Эрдэнэ айм­гийн арслан Пүрэвсайханд дөр­вийн даваанд унасан. Залуу гарьд цолоо Мөнхбат аваргын адил гурав давж баталлаа. Нөгөө нэг гарьд нь Завханы Баяржавхлан. Тав, зургаагийн даваанд ус нутгийнхаа хоёр идэрхэн хүчтэнийг амлаж аваад л буулгачихсан. Үндсэндээ ямар ч барилдаан гаргалгүй, хөлс урсгалгүй зургаа давсан. Гэтэл долоогийн даваанд аймгийн арс­лан Бүрэнтөгсөд бариа зөрөөн дээр өд шиг хийсдэг байгаа. Өн­дөөр биетэй бас ч үгүй өндөөр цолтой, наадамчин олон өндөөрт боддог Жавхаа гарьд хоёр, гурав зэрэг дор даваануудыг эс тооцвол ганц барилдаан үзүүлсэн нь Бү­рэнтөгсөд гуядуулсан явдал л даа. Сумын заанууд нэгийн даваанд учраа таарсан гурав, дөрөвдүгээр ангийн жаахан амьтдыг ёс болгож тэгж давдаг даа. Бүрэнтөгс бол Баяржавхланг манайхны хэлдгээр ёстой үзээгүй өнгөрсөн. Хоёр хөлийг нь тушчихаад түлхчих шиг л болсон. Түүнийг тийм амархан шороодох байсан юм бол зур­гаагийн даваанд ир нь орчихсон Жаргалсайхан начинг яах гэж буул­гав хэмээн олон түмэн тун дургүй байгаа. Бүр нэг үнэн голоосоо дургүйлхээд байгаа. Ширбазарын Жаргалсайхан өнгөрсөн жил улсын начин цолонд хүрсэн 13 залуугийн нэг.

Тэрээр улсын харцага Д.Бат­бол­доор дөрөв, улсын гарьд Н.Ганбаатараар тав давж начин цолоо баталсан. Завханы Идэрийн Жаргалсайхан начинтай ус нутаг нэг, Завханы Их-Уулын Б.Гончиг­дамба мөн А.Цацабшир харцагаар тав давж цолоо баталсан. Тэгэхээр өнгөрсөн жилийн цолтнуудаас Завханы хоёр начин л сайн ба­рилдлаа. Заанууд гэвэл Д.Баасан­дорж, Ч.Санжаадамба хоёр хоёу­лаа тавын даваанд, шинэ хар­цагуудаас Ц.Содномдорж, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир нар мөн тавын даваанд дуу дуугаа аваад л унацгаасан билээ. Арвангурван начингийн нэгээс бусад нь зо­доглосон доо. Зодоглоогүй үлдсэн нь өнөө допингийн асуудлаар эрхээ хоёр жил хасуулсан Ховдын Цогбаяр шүү дээ. Харцага Алтан­гэрэлийнхээ хамт хорионд байгаа. Шинэ начингуудаас Архангайн Амарзаяа, Төв аймгийн Батмөнх, Хөвсгөлийн Эрдэнэбат, Өмнө­говийн Сумъяа нар гурав давсан. Идэрхэн аймгийн арслангуудыг өвдөглүүлсэн. Бусад нь хоёр да­ваад л яваад өгсөн буюу. Тухайл­бал, Увсын Батсуурь, Говь-Алтайн Багахүү, Баянхонгорын Чулуунбат, Хөвсгөлийн Батмөнх, Өвөрхангайн Сангисүрэн, Өмнөговийн Одбаяр нар хэн хэн нь найраагаар төрж вэ гэдгийг дараа жилийнх нь наадам ингээд л нотлоод өгдөг байхгүй юу.

Одоо улсын цолгүй үлдэх магадлал тун өндөр болоод байгаа зарим нэг бөхийн тухай хэлэхгүй бол болохгүй нь. Тэдний эхэнд Дундговийн Алтангэрэлийн Алтан­хуяг бичигдэнэ. Улсын наадамд арваад жил зодоглож байгаа. Хэдэн ч удаа дөрөв давав даа. Мөнгөгүйгээсээ, азгүйгээсээ болоод дандаа л уйлаад буцдаг тэрээр өөрийн хүчээр, бор зүр­хээрээ л барилдаж өдий хүрсэн. Гэтэл энэ жилээс амжилт нь эрс буурч юун тавын даваанд тулах нэг даваад уналаа. Түүнийг цолгүй үлдчих нь гэж айхдаа ус нутгийнхан нь Их хурлын гишүүн, “Мон-Уран”-ы Б.Наранхүүд ханд­сан байдаг. Наранхүү ч ойлгоод түрүү жилийн хавар Баянаа авар­гад хандсан байдаг. Хандах хан­дахдаа зуугаад саяын үнэтэй жийп өгч, Алтанхуягийг начин болгохыг дэмжихийг хүссэн. Баянаа аварга үнэтэй машин өгч, итгэл үзүүлсэнд хашир бөхийн жудаг зааж далан насандаа зодог­лосон. Гурвын даваанд Алтан­хуягийг амласан. Тэгээд түүнийгээ 1024 бөхөөс эрхбиш тав давна биз дээ гэж хараад сууж байтал тавын даваанд яваад өгсөн. Ингээд л сүүлчийн хунгийн дуу гэдэг шиг Алтанхуягийн цолонд хүрэх магадлал бүрхэгсч эхэлсэн юм. Өмнө нь дөрөв, тавын даваа­нуудад тахимаа өгч байхад наадамч олон, ус нутгийнхан нь “Дараа жилийн наадам байгаа юм чинь” гээд тоодоггүй байлаа. Да­раагийн бөх Сүхбаатар аймгийн Шарын Мөнгөнбаатар. Цагаан сарын барилдаанд түрүүлж нэгэн­тээ шуугиулсныг хүмүүс мэднэ. Тэр жилээ начин байтугай өндөр цо­лонд хүрнэ гэж байтал бас л талаар болсон. Түүний хувьд 2003 оноос улсын цолны тааварт яригдсан. Арван жил болж байна шүү дээ. Энэ жил гурав даваад л уналаа. Дээрх хоёроос гадна Говь-Алтайн Суманчулуун, Цэрэнтогтох, Булганы Отгонбаатар, Сэлэнгийн Одгэрэл гээд жил бүр л начны тааварт бичигддэг бөхчүүдийн хувьд дэндүү бүрхэг болж эхэлсэн байна. Жил ирэх тусам тэдний нас яваад дараагийн хэд хэдэн үе гараад ирлээ. Энэ мэт ерэн нэгэн жилийн наадмын бөхийн сониноос яриад байвал ч сонин хачин зүйл их л байна даа.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Ш.Бат-Очир: “Төрийн наадмын олон түрүү чамайг хүлээж байгаа шүү” гэж шавь П.Бүрэнтөгсдөө хэлсэн дээ

Их Монгол Улс бай­гуу­лагдсаны 806 жил, Ар­дын хувьсгалын 91 жи­лийн ойн үндэсний их баяр наадамд Увс айм­гийн Давст сумын харьяат аймгийн арслан Пүрэ­вийн Бүрэнтөгс ес даван түрүүлж улсын арслан цол хүртсэн билээ. “Олимпдэвжээ, БХЯны  “Алдарспорт хороо, ТЭЦ-4 компанийн бөх Пү­рэвийн Бүрэнтөгсийн анх­ны багш, Увс аймгийн Улаангом сумынЭрд­мийн оргилцогцолбор сургуулийн биеийн тами­рын багш Шуураагийн БатОчиртой утсаар холбогдож ярилцсанаа хүргэж байна.

Юуны өмнө танд баяр хүргэе. Таны гарын шавь Бүрэн­төгс төрийн наадмын түрүү бөхөөр тодорч Монгол Улсын арс­лан хэмээх өндөр цолонд хүрлээ?

-Баярлаад
ч ханамгүй сайхан өдрүүд үргэл­жилж байна даа. Өнөө жилийн наадамд шавь маань ес давж түрүүллээ.

Шавийгаа би төрийн наадмын түрүү бөх болно гэдэгт итгэдэг байсан. Харин энэ жил ингээд шууд түрүүлчихнэ чинээ бодоогүй дээ. Ямар ч байсан начин болно, цааш­­­лаад харцага, заанд хүрэх байх гэж таа­варлаж байлаа. Гэтэл хийгүй сайхан барил­даад түрүүлчихлээ. Үүн шиг сайхан зүйл юу бай­хав. Бага балчраас нь бэлдсэн гарын шавиа тө­рийн наадмын түрүү ава­хыг харах үнэхээр бахтай юм. Хоёр нүдний нулимс сул асгаад амьдралдаа уйлж байгаагүйгээрээ л уйллаа, баярлаж бай­гаа­гүйгээрээ л баярлалаа.

Бүрэнтөгс арслан хэддүгээр ангидаа та­ны шавь болж, бөхийн секцэнд тань явж эхэл­сэн бэ?

-Зургадугаар ангийн хүүхэд
Увс аймгийн Давст сумаас ирж байлаа. Ма­най П.Бүрэнтөгс чинь та­ван хүү­хэдтэй айлын от­гон хүүхэд шүү дээ. 1988 онд төрсөн луу жилтэй. Аав, ээж нь
малчин. Бараг улсын аварга малчин байх шүү.

Хүмүүс
тэгж ярьж байсан. Хоёр ах нь хоёулаа хөдөө байдаг юм билээ. Бүгд л мянгат малчид гэсэн. Давст сумын нутаг Хатуугийн уул гэдэг газраар нутаг­ладаг гэж мэдэх хүмүүс нь ярьдаг. Бөхийн зам мөр хөөж аймгийн төв рүү ирэхийг эхэндээ аав, ээж нь зөвшөөрдөггүй байсан тал бий. Араас нь дуудаад нутагтаа ир, сумынхаа сургуульд сурч ижий аавынхаа дэргэд бай гэж ятгаж байсан ч П.Бүрэнтөгс бөхийн дугуй­ландаа үлдсэн. Гомбожав гэж садангийнхаа хүүхэдтэй хамт ир­сэн юм. Гомбожав биеэр жижиг хэрнээ сайн барилддаг  Идэрчүү­дийн улсын аваргаас медаль авч байсан залуу л даа. Тэр л Бүрэн­төгст нөлөөлж бөхийн секцэнд дагуулж авчирсан байдаг. П.Бүрэн­төгс тун даруу, барагтайд үг унагахгүй. Заасан мэх сурч байгаа үгүй нь мэдэгдэхгүй, туранхай горзгор хүү байлаа.

Бөхийн секцэнд яваад мэ­дээж өссөн нь тодорхой. Ямар­хан хугацаанд хувирч өөрчлөгд­сөн бол оо?

-Эхэн үедээ ч хэцүү байлаа. Олигтой барилдаж өгөхгүй. Намайг мөн ч их зовоосон доо. Их ч заг­нуулсан. Сүүл рүүгээ бие хаа нь задраад шал өөр болоод эхэлж байгаа юм. Манай гэр бүлийн хүн бас биеийн тамирын багш мэргэ­жилтэй. Бүрэнтөгс маань манай хүний гарын хоолыг идэж, манай хүүхдүүдтэй бужигнаж манайхаар л байдаг байлаа. Бөхийн анхны амжилт баяр хөөрөө мэдээж бид бүхэнтэй л хуваалцана. Айм­гийн аварга болж байсан. Залуу­чуудын улсын аварга шалгаруулах тэм­цээнээс мөнгөн медаль хүртсэн зэрэг амжилтуудаа манай гэрт тэмдэглэж байлаа. Аравдугаар ангийн сурагч аймгийн их сорилгын барилдаанд шөвгийн дөрөвт шал­гарч аймгийн начин цол хүртэж байсан. Дараа нь уг цолоо айм­гийнхаа наадмаар баталж байсан.

Аймгийн арслан цолыг БаянӨлгий аймгийн наян жилийн ойгоор хүртэж байсан санаг­дана?

-Шавийнхаа
барилдааныг тэр бүр дэргэдээс нь харж, зааж зөв­лөх боломж тун бага байдаг. Би чинь алс хөдөө болохоор хэцүү. Аймгийнхаа наадамд зодоглож байхад мэдээж зааж зөвлөж бай­сан. Харин шавьтайгаа хамт очиж, хамтдаа барилдсан наадам бол Баян-Өлгий аймгийн наян жилийн ой л доо. Одоогоос хоёр жилийн өмнө. Бүрэнтөгсийгөө аймгийн арслан болгочих санаатай, хоёу­лаа замын машинд дайгдаад Баян-Өлгий орлоо. Наян жилийн өндөр ой учир 256 бөх зодоглож байна. Ц.Мягмарсүрэн, Д.Бумбаяр, Б.Соронзонболд, М.Өсөхбаяр на­рын заанууд гээд энэ цаг үеийн бүх л хүчтэнүүд хүрэлцэн очсон бай­лаа. Бүрэнтөгс гурвын даваанаас л тунаж эхэлсэн.

Та болохоор дээлийнх нь захыг л мушгиад суугаад бай­гаа?

-Өө тэгэлгүй яахав. Шавийгаа даваасай гээд л дээлийнх нь захыг мушгиад нутгийнхаа уулсдаа зал­бираад сууж байсан даа. Увс аймгийн Ховд сумын харьяат айм­гийн арслан, тухайн үед аймгийн начин байсан Намсрайжавын Бат­суурь, одоогийн цэргийн арслан Бадрахын Ганзориг нартай туна­лаа, давлаа. Батсуурь, Ганзориг нар аймгийн арслан цол л бодож очсон нь тодорхой. Их шөвөгт  улсын харцага Ө.Бат-Оршихтой тунаад давлаа. Түрүү үзүүрт айм­гийн заан Цэдэнбалтай үлдээд давж түрүүлдэг юм байна. Зорьсон хэрэг бүтээд, багш шавь хоёр баярласан гэдэг жигтэйхэн. Баян-Өлгийнхөн бүр илүү баярласан шүү. Учир нь Бүрэнтөгсийг ямар ч найраа, энэ тэр бололгүй өөрийн хүчээр найм давж, наян жилийнх нь ойд түрүүлсэнд маш их баярлаж, бөхийн хийморь лундаа тэтгэж явах болтугай хэмээн чин сэтгэлээсээ ерөөж байсан. Өмнө нь Баян-Өлгийн наадамд аймгийн цол авах гэсэн залуус нутгийн ах, цолтой бөхчүүдээ дагуулж очин найраа хийсээр байгаад түрүүлдэг, наадам нь тийм нэг онцгүй болдог байсан юм билээ.

Бүрэнтөгс таны гараасОлимпсургуулийн оюутан болж ирсэн үү?

-Эхлээд
Батлан хамгаалахын их сургуульд орсон юм. Өөрөө тухайн сургуулийг ихэд сонирхож орсон. Дараа нь Монгол Улсын даян аварга Агваансамдангийн Сүхбатын байгуулсан “Олимп” сургуульд үндэсний бөхийн бэлт­гэл сургуулилтаа базааж эхэлсэн. Сүхбат аварга бид хоёр Баянаа аваргын үүсгэн байгуулсан  “Шон­хор” биеийн тамирын сургуулийн нэг ангийн хоёр л доо. Тэгээд би Сүхбатдаа хэлэхгүй юу. “Миний нэг шавь наад хот хүрээгээр чинь байгаа. Одоо Батлан хамгаалахын сургуульд сурч байгаа. Хичээл ном, шалгалт шүүлэг гээд бөхөө орхичих вий гэж айх юм. Чи нэг анхаарч үзээч, сургуульдаа аваач” хэмээн аминчлан захисан юм. Тэгээд л Сүхбат маань “Олимп” сургуульдаа авч, бэлтгэл сургуулилт хийлгэж эхэлсэн. Шавийг маань ийм хэм­жээнд хүргэж өгсөн ангийн нөхөр, даян аварга А.Сүхбатдаа баярлаж буйгаа танай сониноор дамжуулж хүргэе.

Бөхийн бэлтгэлд Сүхбат авар­гын галд гардаг байснаа өнгөрсөн жилээс О.Балжинням аваргаар ахлуулсан Увс аймгийн хүчтэнүүдийнУвс нуурдэв­жээнд гарах болсон. Тэр тухай сонирхвол ямархан хариулт өгөх вэ?

-Балжаа
аварга нутгийнхаа бөхчүүдтэй хамт наадмын бэлтгэлд гар гэж хэлсэн байлгүй дээ. Тэр талаар сайн мэдэхгүй байна. Ма­най хүн чинь сүүлийн хоёр, гурван жил л хотод наадмын бэлтгэлд гарч байгаа шүү дээ. Түүнээс өмнө нутагтаа, над дээр Увс нутгийнхаа залуустай наадмын бэлтгэлд гар­даг байсан.

Наадмын өмнө тантай ярьсан уу, ямар нэгэн зөвлөгөө авч санаа бодлоо хуваалцсан болов уу?

-Долдугаар
сарын есөнд бэлтгэлээс яг буугаад байхдаа утсаар ярьсан. “Багшаа бэлтгэл ерөнхийдөө болчихлоо. Наадмаар яг яаж барилдах вэ. Нэг л бодол санаа төвлөрч өгөхгүй юм. Цол авч чадахгүй бол яана аа” гэх зэргээр нэлээд түгшсэн байдалтай ярьсан. Тэгэхээр нь би хэллээ. “Наадам битгий бод. Монгол төрийн наадам болдгоороо л болоод өнгөрнө. Яах бол ийх бол, ямар цолонд хүрэх бол, хэдийн даваанд хэнтэй таарах бол гээд бодоод байх юм бол наад санаа бодол чинь төв­лөрч өгөхгүй. Маш тайван бай. Тэртэй тэргүй чи цолонд хүрнэ” гэж хэллээ. Хоёулаа утсаар их удаан ярилаа. Сүүл рүүгээ би ярианыхаа сэдвийг өөр­чилж инээдтэй хөг­жөөнтэй зүйл ч ярилаа. Бага нас­ных нь дурсам­жийг хуваалцлаа. “Наадам бодоод яахав. 11-ний өглөө очоод л барил­дана биз. Тэр хамаагүй. Найз нөхөдтэйгээ гарч шоуд” гэж ч хэл­лээ. Тэгээд л манай хүн тайвшир­чихсан. Гол нь тэр маань баг­шийнхаа үгийг үнэхээр тусгаж авч чаддаг л даа.

Наадмаар өндөр өндөр цолонд хүрч байхдаа ямар ч сэтгэлийн догдлолгүй байсан. Тийм учиртай байжээ?

-Өөрийнх
нь байж байгаа ча­нар ч ерөнхийдөө их тайван даруу. Түүн дээр багш нь сэтгэлийг нь тайвшруулчихсан болохоор сэт­гэлийн хөдөлгөөнгүй, тун тайван барилдсан даа. Тэр нь ийм өндөр амжилтад хүргэхэд нөлөөлсөн. Залуу бөхчүүд начин цолонд хү­рээд, үндсэндээ тав даваад л ханачихдаг. Цаашаа даваа байхгүй юм шиг, цол нь начнаар дуусч байгаа юм шиг ханачихдаг. Сэтгэл нь асар их догдолж хөөрдөг. Тэр их буруу. Мэдээж баярлаж хөө­рөлгүй яахав. Гэхдээ тэр бүхнээ дотроо хадгалах учиртай. Бүрэн­төгс тэгж чадсандаа бүхнийг дийлсэн байхгүй юу.   

Бүрэнтөгсийн хувьд өнөө жил дөрөв дэхээ зодоглож бай­гаа. Өмнөх наадмуудын барил­даануудыг дурсвал?

-Ихэвчлэн
гурвын даваанд унасан. Говь-Алтайн Д.Лхагвадорж начин, Өвөрхангайн Б.Сангисүрэн начин нартай гурвын давааны төгсгөлд тунаад л унаж байлаа. Өнгөрсөн жил цолонд баараггүй хүрнэ дээ гэж хүлээж суутал Хов­дын Ч.Цогбаяр начинтай гурвын даваанд тунаад унадаг юм. Миний харууссан гэдэг жигтэйхэн.

Ямар сайндаа наадам болоо­гүй л юм шиг санагдаж байхав дээ. Тэгээд надад нэг бодол төрсөн л дөө. Гурвын даваанд гар хөнгөн давуулаад өгөх цолтон манай Увсаас байдаггүй юм уу гэж. Энэ тухайгаа ч Бүрэнтөгст хэлсэн. Мань хүнд болохоор хэн нэгэн цолтой бөхөөр амлуулаад давчихъя гэсэн бодол байдаггүй. Тэгээд л үе тэн­гийн шижигнэсэн залуустайгаа тунадаг байсан байхгүй юу. Харин өнөө жил Балжаа аварга гурвын даваанд амлаж тунаанаас гарга­санд нь их баярлаж байгаа.

Шавь тань гэр бүлтэй болж, нэг охинтой болсноо ярьсан бай­сан. Хань ижил нь аль нутгийн хүн бэ?

-Батлан
хамгаалахын их сур­гуулийн оюутан байхдаа ангийн­хаа хүүхэдтэй гэр бүл болсноо дуулгаж байсан. Б.Бат-Эрдэнэ аваргын нутаг буюу Хэнтийн аймгийн охин гэсэн юм билээ.   

Хоёрын даваанаас л хатуу учраануудтай таарсан даа?

-Тэгсээн.
Наадам бол наадам л байдаг хойно. Хэнтэй ч таарч мэднэ. Өрсөлдөгч бөхөө давах л чухал байдаг. Хоёрын даваанд аймгийн хурц арслан О.Гантул­гатай таарсан. Гантулгын хувьд өнөө жил улсын цолонд яригдаж байсан бөхчүүдийн нэг. Өнгөрсөн жил Ховд аймгийн ойд ес давж түрүүлсэн бөх шүү дээ. Дөрвийн давааны оноолт бүр хэцүү байсан. Өнгөрсөн жилийн түрүү С.Мөнхбат аваргатай таарсан. Уг барилдаа­ныг би гэртээ үзсэн юм. Яагаад ч юм аваргыг хаячих юм шиг санаг­даад харж суутал давчихсан. Хоёр нүдний нулимс асгаад ирдэг юм. Тэгж байтал найзууд манайхаар ирлээ. Бөхөд дуртай бидний хэсэг нөхөд нэгэн клубт очиж наадмын бөхийг хамт үздэг юм. Сүүлийн хэдэн жил тэгж үзээд заншчихсан. Тэгээд өнөө хэдтэйгээ дөрвийн давааны дараа бөхийн клуб рүүгээ явлаа. Тэнд бол бөөн л юм болсон. Даваа бүрт л орилж хашгираад. Улсын арслан цол хүртээд Ерөн­хийлөгчөөс тэмдгээ авч байхад нь харж чадаагүй. Өөрийгөө их л сэтгэлийн хаттай гэж боддог бай­сан. Тийм юман дээр хүн гээч чинь ямар өчүүхэн байдаг юм бэ. Харъя гэхээр л нүдний нулимс асгачихаад болоогүй шүү. Зөвхөн миний бие гэлтгүй манай Увсын цэнхэр хяз­гаарынхан үнэндээ сэтгэл тэнүүн баярлаж байгаа. Сүүлийн гурван жил наадмын түрүү бөх Увс нутгаас тодорч, бид бүхний магнайн үрчлээ тэнийж байна шүү дээ. Бүрэн­төгсийг цолоо аваад нүдэндээ нулимстай Төв цэнгэлдэхийн төв индрээс бууж байхад Монгол Ул­сын аварга О.Балжинням, С.Мөнх­бат, улсын арслан Б.Ганбат, улсын заан Д.Бумбаяр, улсын харцага Ө.Бат-Орших, А.Бямбажав тэргүү­тэй хүчтэнүүд бүгд  л магнай тэнийсэн баяртай “Увс нуур” дуугаа цэнгэлдэхэд хадааж байв. Тухайн агшинд бөхийн клубт цугласан олон маань бүгд босчихсон “Увс нуур”-аа дуулж хоорондоо тэв­рэлдэн байсан даа.  Би бөхийн клубээс гэрээдээ яаж ирснээ санах­гүй байна. Тэгж л их баярласан шүү.

Наадмын дараа шавьтайгаа холбогдсон байх. Бас л уйлаад ярьж чадаагүй юу?

-Наадмын
орой ярьж баяр хүргэсэн. Хичээж байгаад харин ч хүн шиг ярьчихсан шүү (инээв). “Миний шавь болоогүй байгаа. Цаанаа нь төрийн наадмын олон түрүү чамайг хүлээж байгаа.  Ард түмнийхээ итгэлийг алдалгүй сайн барилдах л үлдлээ. Аваргын босго ойрхон бий шүү” гэж хэлсэн дээ.

Таны шавь Монгол Улсын авар­га хэмээх хүндтэй цолны эзэн болж, олон түмнээ баярлуулж явахын ерөөлийг өргөн энэхүү ярилцлагаа өндөрлөе. Өөр олон шавь нар тань алдар суугаа мандуулж явах болтугай.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Ард түмний энэ их урмыг Ардчилсан нам минь битгий хугалчихаарай даа

2012 оны УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан
нам яллаа. Ард түмний нуруу нэг тэнийв бололтой.
Удаа дараа саналаа луйвардуулж цөх­рөлөө барж суусан олон сая
л үнэн ялдаг гэдгийг үзлээ
дээ. Тиймийн учир миний бие хотол олны нуруу тэнийлээ хэмээн бахтайхан хэлж буй
хэрэг ээ. Ардчилсан нам сон­гуульд ялалт байгуулж олон­хийн саналыг авна гэдэг улс
төрд ялж байна гэсэн үг.
Ийнхүү Монголын төрийн жолоог атгах өндөр үүрэг Ардчилсан намынханд жам ёсоороо ирлээ. Хэн нэгний албадлагагүйгээр ирлээ. Ма­най монголчууд аливаа зүй­лийг цаг нь болжээ гэж язгуу­раасаа хүлээн зөвшөөрч ирсэн түүхтэй.

Энэхүү бичигдээгүй хуу­лийн жишгээр аваад
үзэхүйд Ардчилсан нам улс төрд ялалт байгуулах нь өнөө л цаг нь ирсний шинж. Цаг нь ирэ­хээр амжилт ялалт гэдэг
юу­гаар ч хааж боогоод дийлд­дэггүй юм байна. Ширүүн урсгалт гол мөрөн шиг л сад тавьдаг юм байна. Цагаан морин жилийн хувьсгалыг
бүх нийтээрээ дэмжиж, нийгэмд шинэ салхи савир үлээхийг хүсэмжлэн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж байсан ард түмэн
өнөөдөр ийнхүү ард­чиллыг сонголоо.
Харин одоо улс төрийн дараагийн шийд­лүүд сонгогч олонд сонин байгаа нь мэдээж. Ардчилсан нам нэгэнт
л ялалт байгуул­сан юм бол, сонгогч олныхоо итгэлийг хүлээсэн л юм бол ялсан баатар шиг байх хэрэг­тэй.

Эрдэнэт хүмүүний эрхэм дээд чанар нь
итгэл гэдэг. Итгэлээ өгсөн ард түмэн төр засгаа хэрхэн тохинуулахыг нүдээ ч цавчилгүй харж суу­гаа. Ардчилсан
намынхныг хуучин шигээ нам дотроо хагаралдаж, хэн нэгний хо­моргонд өртөн чи би-дээ тулж завсар
зааг орохыг олон нийт огтхон ч зөвшөөрөхгүй ээ. Нам дотроо хагаралдах эсэх нь энэ намын хэрэг биш
болжээ.       

Сонгогч олон итгэл хү­лээл­гэн төрийн жолоог ат­гуулж саналаа
өгнө гэдэг цаанаа асар том
хариуцла­гатай. Ерөөсөө л хариуцлага үүрүүлж байгаа хэрэг шүү дээ. Улс төрийн намын урт удаан хугацаанд амьдарч, цаг түү­хийн хэрчлээсэнд нуруугаа бөхийлгөлгүй пээдгэрэн ви­зийг эрхийг ард түмэн, сонгогч олон өгдөг. Тэдний дэмжлэг шиг үнэтэй
зүйл үгүй билээ. Дэмжлэг байж л тэр нь са­налаар илэрхийлэгдэж
ба­тал­гааж­даг бус уу. Эл бүхнийг учирласны гол зорилгыг
та бүхэн анзаарч байгаа байх. Намын дотоод зөрчил, хага­рал бутралыг л хэлээд байна. Шуудхан өгүүлэхэд, Ардчил­сан намын
хагарал, дотоод зөрчлийг хэлээд байна. Нам
хагарна гэж байдаггүй. На­мын удирдлагуудын
хоорон­дын хагарал гэж огтоос хэрэг­гүй, ашиг хонжоо авчирдаггүй зүйл бий. Хэн нэгэндээ ту­нирхсан
шазуур л байдаг ш дээ. Энэ нь улс төрийн өшөө авалт энэ тэр болохдоо
өдий л дөө. Тэгэхээр өнөө цагт Ардчилсан намын
удирдла­гууд хоорондоо эв түнжин муутай, манайхны хэлдгээр
шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байж болохгүй ээ. Та бүхнийг нам шиг ажиллаж улс
орноо удирдахыг цаг үе, ард түмэн сонгогч олон чинь шаар­даж байна.

Нам шиг ажиллахын тулд яах ёстой вэ.
Хэдхээн хүний амин хувийн ашиг, улс төрийн амбийцаар яваад байх уу. Үгүй юм аа. Намын бүх инсти­туц яралзтал ажилладаг, гол гол асуудлуудыг олонхиороо
ярьж зөвлөж шийддэг аль л хэцүү бэрх түвэгтэй зүйлийг дайраад гардаг байх учиртай. Намын аппарат ингэж
л ажил­ладаг даа. Мөн намын удир­дах байгууллагууд
албан үүр­гээ төрийн хэмжээнд гүйцэт­гэж, хүн бүхэн өөртөө өндөр хариуцлага хүлээлгэн төрийн хар ухаанаар ажиллах нь дамжиггүй. Улс орны амин чухал асуудлуудыг институ­цын хэмжээнд
шийдвэр гар­гадаг байх шаардлага тулгарч байна шүү
дээ. Түүнээс али­вааг сэтгэлийн хөөрлөөр ший­­дээд хөнгөн гоомой хан­даж болохгүй ээ. 

Ардчилсан нам юуны өм­нө авсан саналдаа эзэн бо­лох
хэрэгтэй байна. Дараа нь ард түмний хүсэл эрмэлз­лэлийн дагуу Засгийн газраа байгуулах хэрэгтэй
байна.

Ард түмэн юуг хүссэн бэ. Тэрхүү хүсэл мөрөөдөл нь намуудад өгсөн саналаар илэрхийлэгдэж байгаа. Үүнийг хэнбуйгаа ч гадарлах буй за. Ард түмний хүсэл мөрөөдөл, чинадын бодол, итгэл найдвар яах аргагүй ардчилсан хүчинд очиж бай­на. Энэ удаагийн
ээлжит сонгуульд МАН буюу хуучин Ху нар цөөнх боллоо. Ерэн зургаан
онд цөөнх болж байс­наас хойших улс төрийн сун­гаанд хуучин Ху-гийнхан сөрөг хүчин болж байсан удаагүй.

Сүүлийн
хоёр сонгуульд модоо барих байсан ч ямар нэгэн аргаар хамтарсан Зас­гийн газар байгуулах
хэм­жээнд хүрчихсэн тууж явдаг байсан. Эл удаа бол яалт ч үгүй бууж өгч байна. Хуучин намынхаа нэрийг хадгалж үлдсэн МАХН-ынхан Их ху­ралд бас ч гэж багагүй олон суудал эзлэх нь тодорхой болоод байгаа. Ард түмэн улс төрийн эдгээр гурван хүчинд итгэл хүлээлгэлээ. Гэтэл бусад
намууд “Саналын хуудсыг гараар тоолохыг шаардаж байна. Бид автомат машинд итгэхгүй байна” гэх зэргээр зарга зальхай хийж байгаа нь өмнөөс нь ичмээр. Учир юу вэ
гэвэл сонгогч олноосоо ганц­хан хувийн санал авч чадах­гүй байгаа улс төрийн нам эвсэл гэж юу байхав
дээ. Үнэндээ ичгэвтэр биз дээ.

Түүнийг
нам гэж үзэх хэ­цүү, байх хэцүү. Гэтэл тэдгээр намуудын удирдлагууд, юу юу билээ дээ,
Эрх чөлөөг хэрэг­жүүлэгч, гурав дахь хүчин,
Эх орончдын, Хөгжлийн хөтөл­бөр, Иргэний хөдөлгөөний тэргүүтэй намын дарга нар нэг
л их саналаа луйвардуул­чихсан хүмүүс шиг байн байн хэвлэлийн хурал зарлаад сүржигнэх юм. “Манай намд ганц ч хувийн санал өгөөгүй байна” гэж гоншгонож суух­даа санаа нь зовдоггүй л юм байх даа. Эдгээр намуудад өгсөн саналын хувиас манай
сонинд бичиж буй нийтлэл арай олон хүнд хүрэх байх шүү. Учир нь Монголын ли­дер
хэвлэл “Өдрийн сонин” хорь гаруй мянган хувь хэв­лэгдэж уншигч захиалагч­дынхаа
гарт очдог юм аа. Наад жижиг намуудын чинь шаардлага  гудманд гулиа гишгэж яваа жирийн нэг иргэ­ний
шаардлагатай ижил шүү дээ. Улс төрд ямар ч хүчгүй байна. Дуу хоолой чинь ард түмэнд хүрэхгүй, сонгогч олон та нарыг нам гэж үзэхгүй байна.

Тийм учраас Ардчилсан нам сөрөг хүчин гэдгээс бүү ай. Ямар ч сөрөг хүчнээс илүү хүчтэй ард түмэн та нарын талд байна.
Цаг хугацааны цааз таны талд байна гэдэг шиг. Ард түмнээс хүчтэй зүйл энэхэн замбуулинд үгүй би­лээ. Болохгүй бол ард түмэн­дээ хандахгүй юу. Энэ намууд чинь ингэж
дээрэлхээд байх юм гэж. Саналаа хамгаалах гэсэн олон түмэн турхираад босох нь мэдээж биз дээ. Олны хүчинд бат итгэн аз жаргал, амжилт бүтээл рүү тэмүүлж явахад Монгол Ул­сын хөгжлийг нэг л мэдэх нь ээ, хүн бүхний гарт атгуулна даа.
Тийм цаг холгүй ээ. Гол нь та бүхэн нам дотроо зөр­чил үүсгэлгүй, хувь хувийнхаа амбийцыг жаахан ч гэсэн дарах хэрэгтэй
шүү. Ард түмнийхээ өгсөн энэ их урмыг Ардчилсан
нам минь битгий л хугалж үзээрэй дээ.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Өнөө жилийн наадмын бөхийн өнгө

-БӨХЧҮҮД НААДМЫН УРЬДЧИЛСАН БЭЛТГЭЛДЭЭ ГАРЧ ЭХЭЛЛЭЭ-

Сонгууль энээ тэрд л дарагдаад байгаа болохоос өдийд чинь наад­маа, бөх, морь, сураа ярьж байдаг цаг биш билүү. Сар гаруйхан хуга­цаа­ны дараа ардын хувьсгалын ерэн нэгэн жилийн ойн наадам эхэлнэ. Өнөө жил хэн түрүүлэх нь бас л бүрхэг байгаа. Өнгөрсөн жилийн түрүү С.Мөнхбат аваргыг ойн одтой бөх үү, үнэхээр босоо аварга уу гэдгийг энэ зуны наадам шалгаад өгнө. Монгол бөхийн түүхэнд Сэрээтэрийн Цэрэн авар­гыг ойн одтой бөх хэмээн нэрийд­сэн байдаг. Тэрээр нэгэн мянга есөн зуун жаран нэгэн онд буюу ар­­дын хувьсгалын 40 жилийн ойгоор завсаргүй тав түрүүлж, бөхийн дэвжээнд босоо байсан Дарийн Дамдин аваргыг өв­дөг­лүү­лэн на­чин цолтой магнайлж шууд аварга цол хүртсэн байдаг. Түүн лүгээ адил С.Мөнхбат аварга олон ой дав­хацсан наадамд арав давж тү­рүүлээд харцагаас шууд аварга цолны болзол хангасан билээ. Ирэн дээрээ байгаа залуу аваргыг хэрхэн барилдахыг наадамчин олон хүлээж байгаа нь мэдээж.

За тэгээд жилийн жилд л дуу­лиа­ны эзэн байдаг өнөө Ч.Сан­жаа­дамба чинь зодоглоно. Түүнийг монгол бөхийн аварга л гээд бай­гаа. Гэвч мань хүн сүүлийн үед заал танхимын барилдаанд шаль­сан­гүй. Цагаан сараар нэг сүрхий зодоглоод Ө.Даваабаатар хар­ца­гад өвдөглөсөн. Тухайн барил­даа­наас, залуу заан жаахан зориг муутай болоо юу даа гэсэн байдал анзаарагдсан шүү. Бөх сонир­хогчдын дунд ч тиймэрхүү хандлага ч бий болсон байна лээ. Гэхдээ бэлтгэл сургуулилт ямар байгааг тааварлах аргагүй ээ. Наадмаар тэмээ шиг туйлаад өнгөрөхийг ч үгүй гэх газаргүй. Архангайн хүчтэ­нүүд­тэйгээ Тамирын голынхоо хө­вөөн дээр урьдчилсан бэлтгэлд гарсан сураг байна. Архангайн бөхчүүдийн “Бөх билэгт” дэвжээг Өсөхөө аварга, Д.Хишигдорж заан хоёр ахалдаг. Ойрын хоёр, гурван жил Харзтайн амралтад бэлтгэлд гараад байгаа. Тэдний галаас улсын цолонд баттай хүрнэ гэж итгэл хүлээлгэж байгаа бөх нь Эрдэнэбулган сумын харьяат айм­гийн хурц арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва. Сүүлийн хоёр, гурван жил дараалан дөрвийн даваанд унаад байгаа. Өнгөрөгч жил бо­ломж байсан ч Говь-Алтайн С.Ба­га­хүүд өвдөглөж, шарандаа уйлж байсныг санаж байна. Лхаг­ва­сү­рэн­гийн Шинэбаатар арсланг арын хангай нутгийнхан юм дуулгаж мэднэ гээд чих тавьж суугаа. Бө­хийн удамтай ч залуу юм билээ. Ах нь Л.Үйтүмэн гэж аймгийн арслан бий дээ.

Бас л шуугиулах бөхчүүдийн тоонд Өлзийбатын Даваабаатар, Өлзийтогтохын Бат-Орших, Цэдэ­вийн Содномдорж нарын хар­ца­гууд зүй ёсоор нэрлэгдэж байна. Бүгд л онцгой сайн байгаа нь ажиглагдаад буй. Ялангуяа Бат-Орших, Содномдорж хоёр заал танхимын томоохон барил­даа­нуу­дад тогтмол түрүү үзүүрт шалгарах болсон. Даваабаатар харцага бэрт­лийн улмаас зарим нэг жил са­насандаа хүртэл барилдаж чадах­гүй байв. Харин өнөө жил тун дээ­гүүр үлдэх магадлалтай нь мэд­рэг­дээд байгаа билээ. Бат-Орших, Даваабаатар хоёр өнгөрөгч жил Санжаадамба, Жаргалсайхан на­рыг улсын цолонд хүргэсэн. “Ид үедээ начин төрүүлдэг нь ямар учиртай юм” гэж наадамчид дургүй байсан. Тиймээс өнөө жил шуугиу­ла­хаас өөр аргагүй. Нэгэн цагт монгол бөхийн дэвжээг эзэгнэж байсан хүчтэнүүдээрээ цуутай Төв аймгийнхан Даваабаатартаа сүү­лийн хэдэн жил итгэл хүлээлгээд байгаа. 2008 онд харцага цолонд хүрс­нээс хойш л Даваабаатарыгаа хар­сан даа. Даваабаатар харцага А.Сүхбат багшийнхаа удирдлага дор “Олимп” дэвжээнд бэлтгэл сур­гуу­лилтаа хийдэг. Удахгүй наад­мын бэлтгэлдээ гарах биз ээ.  Хар­ца­гаас гадна Баянхангай су­мын харьяат залуу начин Батзоригийн Батмөнх сүүлийн үед тун нягт ба­рил­даж байгаа шүү. Өнгөрсөн жил улсын цолонд бярдаж хүрсэн хүч­тэ­нүүдийн нэг. Өнөө жил харцага, заан цолонд хүрэхийг үгүйсгэх аргагүй юм. Заал танхимын барил­даанд ч ихэвчлэн шөвгөрөөд бай­гаа билээ. Төв аймгаас улсын цо­лонд баттай хүрнэ хэмээн итгэл хү­лээл­гэж байгаа бөх бол аймгийн хурц арслан Чулуунбаатарын Бат­чу­луун. “Сүлд” спорт хороонд харьяалагдаж бэлтгэл сур­гуу­лил­таа хийдэг тэрээр бие хаа томтой, хүч бяраар залуучууд дундаа илүүр­­хэж улсын цолтнуудын зүр­хэнд шар ус хуруулж эхэлсэн. Өнгөрсөн жил аймгийнхаа наа­дамд, мөн бүх цэргийн наадамд түрүүлж аймгийн цолтнууд дундаа амжилтаараа бараг эхэнд эрэм­бэ­лэг­дэж байгаа түүнд улсын цол тун ойрхон бий.   

Даваабаатар, Бат-Орших, Сод­ном­дорж нарын харцагуудын цаа­на идэрхэн хоёр заан байгаа. Тэд бол эгч дүүсийн хүүхдүүд болох Дашзэвэгийн Баасандорж, Мөнх­сай­ханы Өсөхбаяр нар. Наадмын урьдчилсан бэлтгэлд Булганы Бүрэгхангай сумандаа гараад бай­гаа дуулдсан. Д.Баасандорж өн­гөр­сөн жил Сэлэнгийн Т.Өсөх-Ирээдүйгээр, М.Өсөхбаяр хоёр мянга есөн онд Н.Ганбаатар гарь­даар долоо давж тус тус заан цол­ны болзол хангасан юм. Яалт  ч үгүй торгон ирэн дээрээ байгаа за­луу заанууд л даа. Булганыхан энэ жил Алтангэрэлийн Отгонбаатар хэ­мээх аймгийн арслангаа харж бай­гаа. Биеийн галбир хийц, уран дайчин барилдаанаараа бус­даа­саа ялгардаг тэрээр өнгөрсөн жил Дорж­самбуу ахдаа гомдож эхэр та­тан уйлсан гэдэг шүү. Дорж­сам­буу гарьд  тэр хоёр хоёулаа Гур­ван­бу­лаг сумынх. Бүр болоогүй Отгон­баа­тар нь Доржсамбуугийнхаа хүр­гэн гэж байгаа. Гэтэл өнгөрөгч жил хүргэн дүүгээ авалгүй хаа ха­маагүй Өмнөговийн, “Ажнай” кор­по­рацийн бөхийг авч начин бол­гоод ганцхан Отгонбаатарыг ч биш ус нутгийн олноо гомдоосон. “Жу­даг­тай бөх энэ тэр гэдэг нь яачихав аа. Отгонбаатараа авдаггүй юм аа гэхэд Сүмбээгээ авчихгүй. Мөн тоогүй юм аа. “Ажнай” ч мөнгөтэй л дээ. Мөнгөөр л зодчихгүй юу” гэх яриа одоо ч чих дэлссээр байгаа. Дооёо гарьд өнөө жил От­гон­баа­та­рыгаа авах байлгүй. Эрх биш олны яриа хөөрөөнд нэг юм бодсон байлгүй. Дуулах нь ээ, саяхан Отгонбатар арслан Хөгнө хаан уулаа тахиж наадам хийжээ. Улсын цолтой бөхчүүдийг ч урьж. Түрүү бөхөд нэг сая, үзүүрлэсэнд нь хагас сая гээд багагүй бай шаг­на­лыг ч хувиасаа өгсөн байна. Тахил­гын наадамд Б.Гончигдамба начин тү­рүүлж, Б.Соронзонболд заан үзүүрлэжээ. Тэгэхээр Отгонбаатар арс­лан юм юм л бодож байгаа нь мэ­дээж. Хөгнө хаан уул нь ивээх байлгүй дээ.

Дээгүүр барилдах, ер нь түрүү үзүүрт ч хүрчихэж мэдэх бөх­чүү­дийн нэгээр Завхан аймгийн Нөм­рөг сумын харьяат улсын залуу гарьд Махгалын Баяржавхланг нэрлэж болох шүү. Завханыхан бол бүр хүчтэй гарьдаа түрүүлэх л юм бодож суугаа. Тэрээр сүүлийн хэдэн жил тогтмол дээгүүр барил­даж байгаа юм. Ухаандаа, 2006, 2007 онуудад тус бүр долоо давж их шөвөгт шалгарсан. Өнгөрсөн жил түрүүлнэ хэмээн наадамчдын хүлээж байсан Б.Ганбат арс­лан­гаар долоо, Д.Баасандорж заанаар наймд давж 1024 бөхөөс их шөвөгт шалгарсан билээ. Эдгээр амжил­туу­дыг нь харахад Баяржавхлан гарьдад итгэл хүлээлгэхээс аргагүй. Саяхан тэрээр “Шинэ Ази” группын бөх болж, Завхан нутгийнхандаа тө­рийн наадмын түрүү авчрах үүрэг даалгавар хүлээсэн сураг дуулдсан. Залуу гарьдад Цэдэн­дам­бын Цэрэнпунцаг ахынхаа хүрээгүй амжилтад хүрэх бололцоо бий гэдэгт итгэлтэй байна. Ингэхэд Завхан аймгаас өнөө жил улсын цолонд хүрэх залуучууд байна аа. Тухайлбал, Идэр сумын уугуул Данзангийн Батжаргал гэх идэрхэн арслан бий. Түрүү жил дөрөв давж начны даваанд Б.Ганбат арслан­тай хүч сорьж яалт ч үгүй тахимаа өгсөн. Мөн Алдархаан сумын харьяат, аймгийн арслан Лхагвын Лха-Очир байна. Ширбазарын Жаргалсайхан, Лувсанрагчаагийн Нямсүрэн, Батнасангийн Гон­чиг­дам­ба гээд залуу начингууд цолоо бат­лах улмаар харцага, заан цолонд хүрэх биз ээ.

Сэлэнгийнхэн, Өвөрхангайн, Увс, Говь-Алтайнхан гээд хүчирхэг галууд наадмын урьдчилсан бэлт­гэл­тэй гарч буй гэнэ. Сэлэнгийн “Таван хан” дэвжээнийхэн Хараа голынхоо эрэгт бэлт­гэ­лээ базааж байгаа аж. Гэхдээ нэгдсэн бэлтгэлд гарах цаг арай бо­лоогүй билээ. Урьдчилсан бэлт­гэлд хэсэг бөхчүүд нь гараад байгаа гэсэн. “Өмсдөг” дархан мэхээрээ ардын хувьс­га­лын наян жилийн ойгоор улсын цолд өөрийн хүчээр хүрсэн Шагда­рын Зоригт начин “Таван хан” дэвжээгээ ахалдаг. Өнгөрсөн жил эл дэвжээнээс улсын арслан, хар­ца­га цолтнууд төрж аймгийнхаа наян жилийн ойтой давхцан нэгэн том баяр болсон билээ. Сэлэн­гийн­хэн Г.Эрхэмбаяр арслангаа тү­рүүл­нэ л гэж үзэж байгаа. Аварга болно л гэж харж байгаа. Эрхэм­баяр арслан ч өөр­төө том зорилго тавьсан нь мэдээж. “Таван хан” дэвжээнээс Бат-Очи­рын Одгэрэл, Батсайханы Дэл­гэр­сай­хан нарын аймгийн арслангууд улсын цолонд хүрэх болов уу. Өнгөрсөн жил хоёулаа л дөрөв давж начны даваанд тулсан. Дэл­гэрсайхан нь Эрхэмбаяр арс­лан­даа, Одгэрэл нь Ж.Бат-Эрдэнэ гарь­дад тахимаа өгснийг уншигчид сайн санаж байгаа. Чотонгийн Баян­мөнх гэж ихээ өндөр биетэй залуухан начин бий. Түүнийг бөх сонирхогч олон начнаар тогтохгүй гэдэг. Тэгэхээр өндөр Баянмөнх бас л дээшээ өгсч барилдахыг хичээнэ.

Өвөрхангайн “Их Монголын хүчтэн” дэвжээнийхэн уламжлал ёсоороо Бугын сангийн аж ахуйгаа бараадаж байгаа аж. Уг дэнж дэвсэг ч ээлээ өгч 2006 онд Долгор­сү­рэнгийн Сумъяабазар, 2007 онд Дорж­паламын Ганхуяг гээд Өврийн хан­гай нутгийнхан төрийн наадмын түрүү авч, Бугын сангийн аж ахуйн на­ран хонгор дэнж ивээл буянаа хайрласан түүхтэй. “Их Монголын хүчтэн” дэвжээг Монгол Улсын хө­дөлмөрийн баатар, дархан авар­га Дашдоржийн Цэрэнтогтох, улсын арслан Бандийн Ганбаатар нар ахалдаг. Өвөрхангайгаас улсын цолонд хамгийн ойр яваа бөхчүүд гэвэл аймгийн арслан Цэнд­зэ­сэ­мийн Чимэддорж, Даваадоржийн Болд­баатар, Батсүхийн Батдорж нар. Хамгийн магадлалтай нь Чимэддорж, Батдорж нар. Үндсэн­дээ татаатай бөхчүүд юм. Чимэд­дорж АСА группын бөх. Яагаав, хоёр жилийн өмнө байна уу даа Дагваа аварга Булган аймагт Чи­мэд­доржийг дагуулж очоод, айм­гийн арслан болгох санаатай зо­дог­луулъя гэтэл Булганыхан гадны бөх зодоглуулахгүй гэж өнөө Даг­ва­доржийн чиннь уурыг хүргээд юм юм л болж байсан. Харин өнгөрсөн жил аймгийнхаа наян жилийн ойгоор Чимэддорж долоо давж үзүүрлэсэн. Батдоржийн хувьд Ганбаатар арслангийн хүргэн. Өвөрхангайнхан “Багшийн маань хүргэн” гээд ямар ч байсан тунаа­наас гарган дамжилчих нь мэдээж. Дам­жилсан дамжлаагүй Батдорж эрэм­гий барилдаантай л даа. Тиймээс тэр хоёрыг магадлалтай гээд байгаа хэрэг.

Увс аймгийн “Увс нуур” галын­хан байна аа. Сүүлийн хоёр жил төрийн наадмыг дараалж авсан энэхүү галаас Ө.Бат-Орших хар­ца­гыг тун дээгүүр барилдана гэж олон түмэн хүлээж байгаа. Энэ ту­хай ч дээр өгүүлсэн. С.Мөнхбат аварга мэдээж бяр заана. Харин Төрөөгийн Баасанхүү, Оюуны Гантулга гээд үймээний эзэд байна аа. Ялангуяа тэр Баасанхүү юу, бие жижигтэй ч хэнийг ч өвдөг­лүүлж байгаа нь бахархалтай. Сүү­лийн үед Бөхийн өргөөнд очиж бай­гаа үзэгчид улсын цолтнуудаас М.Өсөхбаяр заан, Даваабаатар, Сод­номдорж, Бат-Орших нарын харцагууд, за тэгээд л өнөө Баасан­хүүг чинь үзэх гэж очдог болоод байна.

Тэргүүн дэвжээ шалгаруулах “Нутгаа дуурсгана” барилдаанд энэ цаг үеийн бүх л шилдгүүд зодоглоход Баасанхүү хамгийн олон даваа авсан. Тэгэхээр нэг “юм” хэлээд байгаа биз. Элдэвтэй дээ. Ерэн нэгэн жилийн наадамд жижиг­хээн, туранхай шар банди найм, ес дав­чихаад даналзаж зогсохыг байг гэхгүй шүү.

Увс нутгийн галтай залуус ин­гээд дуусахгүй. Цаана чинь хороо цэрэг гэдэг шиг Пүрэвийн Бүрэн­төгс, Намсрайжавын Батсуурь, Бадрахын Ганзориг гээд жагсаж бай­на аа. Бүгд л цолонд хүрнэ. Ёстой ааг омог нь багтаж ядаж байгаа залуус.

Бүрэнтөгсийн хувьд өнгөрсөн жил улсын цолонд баттай хүрнэ гэж байсан ч Чулуунбаатарын Цогбаяр гэж Ховдын “аваргад” тахимаа өгсөн бол Батсуурь дөр­вийн даваанд До.Ганхуяг арслан­тай оноолт таараад унасан юм. Уул нь Ганхуягийг олон өвдөг­лүүл­сэн л дээ. Гэхдээ наадам бол наа­дам, улсын цолтнууд бол улсын цолтнууд л байдаг хойно. Батсуурь арслан хоёр жилийн өмнөх цагаан сараар яалаа, өнөө Өсөхөө авар­гыг дөрвийн даваанд хусч өгөөд дуулиан тариагүй билүү. 

Ганзоригийн хувьд Агваан­сам­дан­гийн Сүхбат багш шигээ уран барилдаантай бөх. Тэр жилийн цагаан сараар идэр залуу гарьд Баяржавхлан, заан Д.Бумбаяр нарыг өвдөглүүлж шуугиулаад Сүх­бат багшаасаа “Ирээдүйн авар­га” бөхийн шагналыг авч бай­сан. Тэрээр зургаан мянган бөхийн барилдаанд ес, арав давж мөн л шуугиулсан билээ. Хэдхэн хоногийн өмнө болсон Бүх цэргийн наадамд Ховд аймгийн Чандмань сумын харьяат аймгийн арслан Б.Пүрэв­сайханаар найм давж түрүүлэн цэргийн арслан цол хүр­тээд бай­гаа. Шинэхэн цэргийн арслан сар гаруйхны дараа болох наадмаар хэрхэн барилдаж, ямар­хан цолонд хүрэхийн таавар­лаш­гүй юм аа. Говь-Алтайн хүчтэнүүд Рэгжий­буугийн Давааням заанаа­раа ахлуулаад Сүүж уулын амрал­тад гардаг байсан бол сүүлийн жи­лүүдээс Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдогийн ойрол­цоох “Мандал” амралтад бэлтгэлээ базаах болсон. Одоогоор Ням­дор­жийн Ганбаатар, Жанцангийн Бат-Эрдэнэ, Баттулгын Соронзонболд, Дугардоржийн Батбаяр, Даваа­ня­мын Лхагвадорж нарын залуу хүч­тэнүүд урьдчилсан бэлтгэлдээ гарч ирэн очин байгаа гэнэ. Алтайн хөх хар­чуудаас хэн нь цойлоод гараад ирэ­хийг үгүйсгэхгүй. Хоёр мянга найман онд яалаа, аймгийн цолтой байсан Соронзонболд шинэхэн арслан Х.Мөнхбаатар, идэрхэн аварга Г.Өсөхбаяр нарыг зургаа, долоогийн даваанд өвдөглүүлж начин, харцага цолыг алгасан шууд заан болж байсан түүхтэй. Өнгөрсөн жил Бат-Эрдэнэ мөн л Мөнхбаатар, Өсөхбаяр нараар долоо, найм давж начнаас шууд гарьд болж байсан билээ. Б.Суман­чу­луун, Л.Цэрэнтогтох, Ж.Амар­түв­шин гээд олон жил хүч сорьж буй аймгийн арслангууд бий. Тэд­ний­гээ Алтайнхан харж л суугаа. Шоов­дой­хүүгийн Тогтохбаяр начны дүү Шинэбаяр гэж залуу сүүлийн үед сайн барилдаж байгаа. Бөхийн удамтай түүнийг ч цолонд хүрч магадгүй хэмээн хүлээж буй.

Н.ГАНТУЛГА
Үргэлжлэл бий