Categories
редакцийн-нийтлэл

Цагаан сарын бөхийн хууч ид яригддаг цагаар

Одоо чинь газар сайгүй л цагаан сарын хууч дэлгэгдэж, монгол үндэстэн цагаан сараар л амьсгалж байгаа. Хөр цасны хайруу, хөндийн туналзсан жаврыг үл анзаарч аав ээж, ах дүү, ажаа ижийдээ очихоор голоо өгсөж нэг, уруудаж нэг давхилдаж яваа. Бууз боовыг нь хийлцэхээр бул­таараа цуглацгааж байгаа нь тэр. Цагаан сар бол Монгол үндэстнийг монгол гэдгийг нь мэдрүүлж өв соёл, түүх, өвөг дээдсээрээ бахар­хах цаг хугацааг олгодгоороо үнэ цэнэтэй билээ. Эл өдрүүдэд хам­гийн их яригддаг нь цагаан сарын бөх. “Тэр жил тэр тэгж барилдаж билээ” гээд л эхэлнэ шүү дээ. Дамдин аваргын үе, хоёр Мөнхийн үе, Хадаа, Цэрэнтогтохын үе, Бат-Эрдэнийн үе, залуу зургаан зааны үе гээд л бөхөд хайртай түмэн бөхийнхөө хуучийг дэлгэдэг. Сар шинийн барилдаан ямар нэгэн найраа, өгөө аваа байдаггүй, бөх­чүүд тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог болохоор үнэндээ үзүүштэй болдог. “Билгийн улир­лын арвандолдугаар жарны…” гэж Цэрэннадмидын Бадамсэрээжид арслан нарийн цээл хоолойгоор зарлаж байсан үеийн бөхийн хууч өдгөө домог түүх болон үлдэж дээ. “Хоёр Мөнхийн хэн нь түрүүлэх бол, Данигай (Дамдин) аварга ч хариагүй ид л байгаа шүү дээ, за тэгээд Чойжилсүрэн, “тэмээ өргө­дөг” Жамъяндорж, Эрдэнэ-Очир, Сосорбарам, Мижиддорж, Өмнө­говийн Дэмүүл гээд аатай хэдэн арслан байна. Цэрэн, Бээжин аваргууд ч баллана даа” гэх яриа далаад оны эхэн үед газар авч байсан цаг. Тухайн он жилүүдэд эдгээр хүчтэнүүдээс гадна Дагва­сүрэн, Хайдав, Долгорсүрэн, Лундаа, Өвгөнхүү гээд мөн л аварга амьтад ар араасаа төрөн гарч ирж байсан.

Жил жилийн цагаан сарын барилдаанд ёс юм шиг зодоглодог байсан бөх бол Говь-Алтай айм­гийн харьяат аймгийн арслан “ца­хилгаан” Мөнхөө гуай юм. Хавирга нь хэрзийсэн буурал толгойтой хөгшин нас өндөр болтлоо зодог­лосон билээ. Мөнхөө гуайг зодог­лох нь гэсэн сургаар үзэгч олон тэр зүг рүү хандана. Бөөн л инээдэм болно. Мөнхөө гуай одоо л гараад ирнэ ээ гээд. Удаа ч үгүй хөх буурал толгойтой хөгшин хуучны хээтэй, ногоон торгон зодгоо өмсөөд гараад ирнэ дээ. Дэлж дэвж байгаа гэж тун чиг сүртэй. Ёстой л нөгөө харцага шонхрын дэвэлтээр гэдэг чинь Мөнхөө гуайн дэвэлт болж таарч байгаа юм. Мөнхөө гуай учраа бөхтэйгээ нэг сүрхий өрснөө буцаад алхчихна. Индрийн зүг хандаж байгаа нь тэр. Индэр юу байхав, Спортын төв ордны гол хэсэгт сууж байгаа спортын хорооны удирдлагууд, бөхийн зүтгэлтнүүд гээд хүндтэй зочидтой гар барина. Өнөө хэд нь цахилгаан Мөнхөөгөө хүндэтгээд бүгд босно. Уг цаг мөчид араажав бол шуугиад л байх нь мэдээж. Хөдөө орон нутгийнхан, ялангуяа Алтайнхан Мөнхөө гуай зодогло­чихож гэдгийг бүгд ойлгож байгаа хэрэг. Ингээд хүндэтгэлийн суу­далд байраа эзэлсэн зочидтой гар барьж санаа нь нэг амраад, араа­жаваар баахан цоллуулж аваад Мөнхөө гуай учраа залуутайгаа хүч үзнэ. Шүдээ тачигнуулж байгаад барилдана. Хэд хэд сүрхий хална. Тэгээд яахав цуцна даа, хөөрхий. Эрийг нас, уулыг цас гэдэг шиг залуусын хөлийг яаж гүйцэх билээ. Тахимаа өгчихөөд, өнөө залуугаа нэг үнсэж авчихаад хуучин ногоон далбаа­ныхаа тоосыг гөвсөн шигээ алхаж явахад үзэгчид бас л алга ташна. Хүндэтгэж байгаа нь тэр. Ингэж л дал наяад оны цагаан сарын барил­дааны нэгэн чимэг нь “цахилгаан” Мөнхөө гуай болдог байсан даа.

Эл эрхэмтэй холбоотой нэг хууч бий. Мөнхөө гуайд нэг нь хэлж л дээ. “Та хөгширсөн хойноо ингэж барилдах хэрэг байдаг юм уу. Одоо хөл гар чинь бүр муудлаа. Танаг­тай байгаа дээрээ зодог тайлбал яасан юм. Залуусын гарын аяыг даахгүй шүү дээ” гэжээ. Бараг л өнөө цагийн хэллэгээр “та ингэж шалны алчуур болохоо боль” гэсэн утгатай үг хэлсэн шиг байгаа юм. Тэгтэл хариуд нь Мөнхөө гуай юу гэж хэлсэн гэж санана. “Хүүхээ, өвгөн ах нь дуртайдаа ингэж зодог­лоод байгаа юм биш ээ. Болибол хэзээ чиг больчихож болно оо. Гэхдээ над шиг амьтан цагаан сараар Алтайн хязгаар ороод 90 шахаж яваа ижийдээ золгочихож чадахгүй юм даа. Үндсэндээ чадал минь хүрэхгүй юм, дээр нь манай нутгийн холыг яана. Тийм болохоор ерэн настай ижийдээ амьд байгаа гэдгээ дуулгах гэж л зодоглодог юм шүү дээ” гэсэн байдаг. Мөн айхав­тар үг шүү. Мөнхөө гуайд ийнхүү ерэн настай ижийдээ амьд гэдгээ дуул­гах ганц боломж нь цагаан сар байж дээ. Энэхүү хуучаас улбаа­лахад, цагаан сарын барилдаан аль чиг талаараа Монгол орны өнцөг булан бүрт байгаа зон олныг нэгээхэн цэг дээр уулзуулж орхидог байжээ.

Ингэхэд цахилгаан Мөнхөө гуай амьдралдаа нэг л удаа тун одтой барилдсан гэдэг юм билээ. Жараад оны дундуур Морин тойруулгад нэгэн барилдаан болжээ.

Дамдин, Мөөеө, Баянаа гээд л аваргууд бүгд зодоглосон байна. Эрдэнэ-Очир, Сосорбарамаас аваад аваргын дайтай арслангууд нь ч бүгд зодоглосон юм байгаа биз. Тэгтэл хоёрын даваанд Дам­дин аварга Мөнхөөг амлаад хоёр хөлдөө барьцгүй гүйлгээд уначих­жээ. Үзэгч олон ч бөөн хөөр болж, Дамдин аварга бүр нэг гайхсан янзтай тахимаа өгсөн байна. Гур­вын даваанд Мөөеө аварга цолны эрэмбээр хамгийн түрүүнд ам сонсох болж. Мань хүн нэр сон­солгүй шууд л “цахилгаан Мөнхөөг над дээр тавьчих аа” гэсэн гэнэ. Тэгтэл юу болсон гэж санана. Өнөө цахилгаан чинь Мөөеө аваргын хоёр хөлд мөн барьцгүй гүйгээд тэнгэр харуулчихсан байгаа юм. Мөөеө бол Баянаатай л барилдах гэж очдог байсан ид үедээ тийнхүү Мөнхөө гуайд унаж байсан түүхтэй. Уг барилдааны дараахан болсон нэгэн наадамд Мөөеө аварга хараалаа урсгаад бөөн бухимдал очсон гэдэг. Баахан нервтэй очсоны гол буруутан нь цахилгаан Мөнхөө л дөө. “Цахилгаан Мөнхөөг бушуухан миний аманд өгөө­дө­хөөч. Чанга гэгч нь хаяж санаагаа амраахгүй бол нойр хүрэхгүй нь” гэсээр очтол Дамдин аварга тү­рүүлж аваад чанга гэгч нь хаячих­сан удаатай. Ингэж мань Мөнхөөд халхын алдарт аваргуудын зүр­хэнд шар ус хуруулж явсан үе бий гэдэг шүү. Цагаан сарын бөхийн хууч ингэж л инээд хөөр, наргиан наадамтайгаар үргэлжилнэ шүү дээ.

Чойдорын Өвгөнхүү харцага жаран есөн оны сар шинийн барилдаанд Чойжилын Бээжин аваргатай үлдэж түрүүлсэн байдаг. Өвөө харцага тухайн наадмаа дурсахдаа бас нэг инээдэм хав­чуулсан хууч дэлгэдэг юм. Тэр жилийн цагаан сарын өмнөхөн мань хүн өсгийгөө гэмтээжээ. Тэгээд Догоо (Долгорсүрэн заан)-гоо дагуулаад битүүний урьд өдөр гэртээ иржээ. Түүндээ учраа хэлээд “маргааш хоёулаа аягүй л бол тунана шүү. Тэгэхээр чи давах юм шүү. Найз нь хөл гэмтэлтэй учир цаашаа олигтой барилдаж чадах­гүй байх. Хоёр Мөнх эзгүй байна, цаана чинь. Цэрэн аварга, Бээжин хоёрын нэр л яригдаад байна. Гэхдээ чамд тун боломж байгаа” хэмээн баахан авч өгч л дээ. Ингээд барилдаан эхэлдгээрээ эхэлж, дөрвийн даваанд өнөө хоёр чинь баараггүй тунажээ. Гарцаагүй давах байсан Долгорсүрэн Өвгөн­хүүгээ дүүгүүрдэж хаяна гэж зүтгээд өөрөө ойчсон гэдэг. “Олны өмнө яалт ч үгүй суун тусаад ойчсон Долгорсүрэнгээ давсан гэлтэй нь биш. Би өөрөө л туг тойрсон доо” гэж Өвгөнхүү харцага дурссан нь бий. Долгорсүрэндээ бууж өгнө гэж байсан Өвгөнхүү тэр жилээ шууд түрүүлсэн нь бас сонин шүү. Юм гэдэг учиртай л байдаг хойно.

Далаад оны эхэн үед бас л аатай омогтой, шазуураа зууж барилддаг бөхчүүдийн нэг Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Сэнгэдовдонгийн Лхагва байлаа. Тэрээр энэ цагийн нэртэй жүжигчин, урлагийн мастеруудын нэг Дэмидбаатарын аав шүү дээ. Мань хүнийг үеийнхэн нь “Азарга Лхагваа” л гэнэ. Чухам яагаад тэгж нэршсэнийг мэдэхгүй юм. Азаргалж л барилддаг байсан бололтой. Далан оны цагаан сараар гэдэг шиг билээ. Мань хүн Мягмар гэж Ховдын бор хүүд уна­чихаад ихэд уурсчээ. “Ийм хүүхдийг барахаа байчихсан юм байх даа” гэж хөмхийгөө зуугаад л. Сүрхий юм болсон дуулддаг. Лхагваа начинг өвдөглүүлсэн өнөө Мягмар чинь хожмоо улсын манлай заануудын нэг болсон билээ.

Дагвын Цахилгаан гуай бас нэг хууч дэлгэдэг юм. Говь-Алтайн Хөхморьт гэхээр л өөрийн эрхгүй сэртэсхийдэг тэрээр далан хоёр оны цагаан сараар нэг их сүрхий уусан гэдэг. Мэдээж Хөхморьтын Ундрахын Пүрэв заантай холбоо­той л доо. Нутгийн бөхөө гурав давахад нь хөөрөөд зуу татчихсан байгаа юм. Пүрэв заан хэнээр гурав давсан гэж санана. Өвөр­хан­гайн Нарийнтээлийн Цэрэнтогтох гэж нарийхан бор хүүгээр гурав давахгүй юу. Цэрэнтогтох аварга тэгж л гарч ирж байлаа. Тэр жилийнхээ наадамд улсын цол хүртсэнийг манайхан мэдэх байх.

Ингээд Пүрэв заан дөрвийн даваанд Сосорбарам арсланг өвдөглүүлчихжээ. Цахилгаан гуай бас л хөөрөөд уучихсан байна. Тавын даваанд Дагвасүрэн арс­ланг унагахад нь бүр ч их баярлаж. Тэгтэл зургаагийн даваа буюу их шөвөгт өнөө Пүрэвээ нь Дарийн Дамдин аваргыг давчихсан байна. Бүр ч их хөөрөхгүй юу. Пүрэвээ зааныг түрүү үзүүрт Баянаа авар­га­тай үлдээд хүч үзэж байхад Алтайн сарьдаг уулс хамт барил­даж байлаа гэж Алтайн хөх харчууд дурсдаг юм. Үүнийг юуны учир зориуд тэмдэглэв гэхээр хаврын тэргүүн шинийн нэгний барил­даанд Монголын их уулс бөхчүүдээ дагаж Богд Дүнжингаравынхаа ард ирдэг шиг билээ. Ухаандаа, наяад оны сүүлч ерээд оны эхээр Увс аймгийн Малчин сумаас Өлзийн Тулгаа заан тээврийн тэрэгтэйгээ давхиж ирээд аян замын тоосоо ч гөвж амжилгүй Спортын төв ордон руу ороход Хархираагийн их уулс хамт ирж буй мэт сэтгэгдэл төрж, “Хархираагийн сангийн аж ахуйн бөх, улсын заан Тулгаа” гэж дуудахад нь сэтгэлд нэг л дотно санагддаг сан. Булганаас “тэмээ өргөдөг” Жамъяндорж арслан, Өмнөговиос Дэмүүл арслан ирэхэд бас л сайхан байсан даа. Тэд л цагаан сарын барилдааныг чимж, хуучийг зузаатгадаг байсан нь мэдээж ээ. Наяад оны дундуур Дамдингийн Баяраа, Зэвэгийн Дүвчин, Жамцын Бор, Однойн Бахыт, Говь-Алтайн Нэмэхбаяр, Өмнөговийн Багахүү гээд боодогны чулуу шиг “улайссан” амьтад зодог­лодог байлаа. Тэдний араас Зав­ханы Бат-Амгалан, Увсын Жавзан­жамьян, Дорнодын Чимэддорж гээд бас л хэцүүхэн учраанууд, мөн жаран дөрвөн оны луутнууд болох Хишигдорж, Бямбадорж, том Сүх­бат, жижиг Даваадорж, Цанжидын Энхжаргал, Монхорын Дармаа­базар гээд бас л улайссан чулуу­нуудаар дамжиж зургаан залуу зааны үе залгасан даа.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Цагаан сарын шинийн нэгэнтэй золгохуй

Монгол үндэстэн өв соёл, зан заншил, өвөг дээдсээрээ бахар­хаж, Монгол гэдэг угсаа гарлаараа бахдах нэгэн сайхан баяр бол цагаан сар юм. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд монгол хүн бүрийн магнай тэнийн баясдаг. Хүн зон, цаг улирлаа дагаад тал нутаг, адуу мал, булаг шанд ч цаанаа л өөр болоод өнгө засаад жавхаа­жаад, ундраад л явчих нь бий. Оршин буй бүхий л зүйл шинэ мэт үзэгдэж, орчлон дэлхий тэр аяараа айраг цагаа, арц хүжсийн үнэрт умбан, ёс уламжлал, дэг жаягийн дор бүрэлдэн тогтдог билээ л. Монгол үндэстний цагаан сарын баяр Монгол Монголоороо үл­дэ­хийн жинхэнэ утга агуулга юм даа. Сар шинэ хаяанд ирж өрх гэр бүхэн ууц, бууз, тавгийн идээ, бэлэг сэлтээ дор бүрнээ банжиж буй энэ л өдрүүдэд малчны хотонд цагаан сар хэрхэн айлчилдгийг бид сайн мэднэ дээ.

Цагаан сарын бэлтгэл ажилд дарагдсан иргэд амсхийх ч завгүй, энэ их ажлыг энэ хэдэн хоногт барах уу даа хэмээн алмайран гайхширч, ажлаа хаанаас нь эхлэ­хээ мэдэхгүй байтал нэг л мэдэхэд шинийн нэгний нар мэлтийдэг. Гэхүйд бүхий л зүйл жимбийчихсэн унжуу сунжуу нэг ч зүйлгүй, уран­хай цоорхой бүү хэл, гэрийн хаяан дахь нохойны хэвтрийн адсага ч шив шинэхэн мэт байдаг нь сонин. Битүүрэхийн өмнөхөн ээж аавын сэгсүүргэн дээлний суганы товчийг хадаад л үйлийн ажил ерөнхийдөө дуусдаг. Тэр их ажлын хажуугаар ээж минь энэ олон харчуудын дээлийг хэдийдээ мэтгэж дуусгав, бас ч болоогүй бүгдэд нь эрээн хүрэмтэй шүү гэж гайхахаар. Би­түүний өдөр айл бүрийн гэрээс уур лав­саж мах чанасан шөлний үнэр, модон тойрууд гэсч буй айраг­ны үнэртэй холилдон сэнхийгээд нэг л сайхан. Орны урдуур өрөөл­дөж хаясан хивс дэвсгэрэгнээс голын мөсний цан, хөндийн жавар сэн татаад, өтөг бууц шороо тоос­ны үнэр хэдийнэ арилсан байдаг. Орны аравч тэргүүтэй цагаан оёд­луу­дыг уяаны цэрвэнд дарайтал хөлдөөж хонуулаад арай уясангуут нь оруулж ирэн цогны индүүгээр индүүдэхэд салхи савир ханхлан уур лавсах нь цаанаа л дотно шүү.

Эрчүүд, айл гэрийн эзэд адуу малаа хурааж өвөлжөөний хажуу тал, өтөг бууцны хөлд нар зөв дугуйлж орхиод арц сангаар ариулна шүү дээ.  Аав минь засгийн их адуу маллаж, арван тав зургаан азарга адууны дэргэд явахдаа битүүний өдөр хэдэн гэрээрээ чандманилж буусан өвөлжөө буу­цан­даа адуугаа багширтал хурааж божир бор үрсээ дагуулж очин арц сангаар ариулдаг сан. Тэгээд л цагаан сараар унах морьдоо барьж, морьдын дэл засах гэж бас нэг сайхан ажил өрнөнө. Морьдын дэлийг шугам шиг засдаг залуус айл айлд уригдана. Гол усанд морины дэл сайхан гэгч засчихдаг залуучууд тийм ч олон биш байдаг. Мөн гоёлын, гангарааны эмээл, хазаараа наадам, намрын найр­наас хойш бараа зүсийг нь хараа­гүй эрчүүд битүүний өглөө ёс юм шиг гаргаж ирэн олом жирмийг нь шалгаж, оломцог мааюузийг нь солино. Өндөр бүүрэг бүхий эмээ­лийн модонд улаан шаргал өнгийн мааюуз буюу гадар татчихсан байхуйд мөнгөн даруулга юу нь цавцайгаад мөн чиг гоёмсог доо.  Тийм л эмээл юуг дэлийг нь зассан суман хүрэн моринд тохоод сургүй мөнгөн хазаараар хазаарлаж, нарийн хулсан ташуур бариад шинийн нэгний өглөө мордох ч бахтай. Эр хүний хийморь лундаа энэ л үед бадардаг даа.

Битүүний өдрийн бөх “араа­жав”-аар шуугиад эхлэхэд эрчүү­дийн ажил хэдийнэ цэгцэрчихсэн бай­даг. Малын хошуу хот руу эргэх цагт бурхан тахилаа өргөдөг ёс уламжлалтай. Бурхан тахил гэс­нээс битүүний өдөр, цагаан сарын ши­нийн нэгний өглөө хүн бүхэн эцэг өвгөд ижий ааваа боддог биз ээ. Бүр чиг үгүйлэн санах нь бий. Билэг ерөөл, ёс уламжлалыг дээд­лэн сахиж эцэг өвгөдөөс үе дам­жиж ирсэн бурхан тахилд сүсэг биш­рэлтэй хандан, хүмүүний л үр юм хойно хайр энэрэхүйн сэт­гэлээр асгарч суудаг болов уу.  Аавы­гаа, өвөөгөө, ижийгээ алдсан хүмүүс тэднийхээ хөргийг битүүний тэр л бишрэлтэй өдөр алгаараа арчиж, дотогшоогоо мэлмэрдгийг хэлээд байна л даа. Эцэг өвгөдөөс ирсэн бурхан тахил, судар ном энэ л цагт үнэ цэнэ нь илүүтэй мэдрэг­дэж, сайн сайхны ерөөлийг шивш­дэг буюу. Эрчүүдийн борви бохис амсхийж, тойруутай айрагнаас өрмийг нь ярж байгаад вааранд сөгнөх үест бөхийн барилдааны гурвын даваа эхэлж, уул уулсын оройд цуурайлах шиг аваргуудын цолыг дуудаад эхэлнэ шүү дээ. Идэрхэн аваргуудын цолыг араа­жа­ваар дуудаж байхуйд энэ л агшинд цог хийморио бадруулах гэж хамаг л ажлынхаа ард гарсан мэт ханайсан сайхан эрс улмаа са­руул­саж, өнөө “сумын заан” гэдэг шиг гуяа алгадах нь холгүй юм болно.

Бөхийн барилдаан олон л болж идэрхэн хүчтэнүүдийн цолыг хэдэнтээ л дууддаг. Гэвч цагаан сарын бөхийг уулын аманд “араа­жав”-аар сонсч, ган хоолой Мягмар тэргүүт засуулууд хүчит аваргуудын цолыг дуудах агшин үнэндээ бах­тай шүү. Тийм нэг ид хавыг мон­голчууд бид л мэднэ дээ. 

Цагаан сарын бөх шуугиан тарьж гэрээр ханарсан эрчүүд байтугай Монголоор ханарсан уулс өндөлзөж байхуйд бүсгүйчүүд нарийн нандин зүйлээ авдар сав­ны­хаа ёроолоос гаргаж ирнэ. Тэр нь аяга тавагнаас аваад, хүүхдүү­дийнхээ нүднээс далдхан хийсэн чихэр жимс, манайхны ерөнхийлөн хэлдгээр “нар хамба, нандин чавга” тэргүүтнүүд. Арааны шүлс асгаруу­лам амттанууд цагаан сарын тав­гийн идээг чимэх шиг  л болно. Ерээд оны эхэнд шиг санагдана. Манайх Бага Арцын аманд өвөл­жиж сар шинийг угтаж байсан цаг. Битүүний орой айлын ах нар аавыг бараадан манайд цуглачихсан араажаваар бөх сонсоод л, хоёр Мөнх, Цэрэнтогтох аваргууд, шинэ­хэн гарч ирж буй Бат-Эрдэнэ, Баяраа, Дүвчин нарын хүчтэнүү­дийн тухай яриа хөөрөө болж байх үед ээж орилоод явчихлаа. Жаа­хан хүүхэд би гүйгээд очтол үнэнээ­сээ уйлж байх юм. Тэгтэл цагаан сараар л хэрэглэнэ гэж эрээн авд­рынхаа мухарт хадгалсан ган­гар шаа­зангийнхаа нэгийг хагал­чих­сан байж билээ. Тэр нь хятадын хөх өн­гийн будаатай шаазан л даа. Ту­хайн жил манай хамгийн нандин эдийн нэг тэрхүү хятад шаазан байж, битүүний орой ижийг минь уйлуулсан даа. Ээж яахав, бас л араажав руу анхаарал хандуулж бай­гаад өнөөхөө хагалаад авахгүй юу.

Гэртээ битүүлчихээд дараа нь хамгийн залуугийндаа орж битүүл­дэг. Хүүхдүүд шинийн нэгэнд унах морьдоо аргамжиж, номхныг нь чөдөрт явдаггүйг нь хэрж орхичи­хоод хаяа айлаараа орж битүүлнэ. Мэдээж маргааш нь өмсөхөөр бэлдсэн шинэхэн дээлийнхээ эв­хээ­­сийг нэгэнтээ задална шүү дээ. Тэгж нэг санаа нь амраад буцаад эвхэж тавина. Тэгээд л маргааш өглөөний мандах улаан нарыг хүлээнэ дээ. Битүүний шөнө ээж хэзээ хойно л унтах шиг болдог. Гэвч шинийн нэгний өглөө хаа эрт босчихсон үнээ малаа сааж, өвөл­жөө­нийхөө хүйдсийг хүртэл арил­га­чихсан байхыг нь яана. Шинийн нэг­ний өглөөний нар зүүн өмнөдөд ташир­лан ханайх уулсын тэргүүн дээгүүр эрхэмсгээр манддаг. Уул нь бол өдөр бүр манддагаараа л мандаж байгаа л даа. Гол нь хү­мүүний зүрх сэтгэлд цагаан сарын шинийн нэгэн гэдэг ер бусын санагдаад, мандаж буй нар нь ч асгаран гийх гэгээ гэрэл нь ч өөр байдаг нь тийм учиртай.

Шинийн нэгний өглөө зүг мөрөө гар­гадаг нарийн ёс жаяг бий. Зүг гар­гахад унана гээд ихэвчлэн өвгөд хөгш­дийн хонины морьдыг эмээл­чих­­сэн байх нь бий. Хул хонгор, ца­гаан бүгээн зүсмийн голио шиг гэ­дэс­тэй цүдийсэн морьдыг унаж зүг мөрөө гаргаад Монгол төрийн тэр­гүүн үг хэлэх үед золгодог билээ. Тийм л билэг төгөлдөр уламжлал мон­голчууд бидэнд хад­га­лагдан орш­дог доо. Банди нар аав ээждээ золгочихоод ах нарын­хаараа дайр­­на. Тэгээд л голоо өгсөж цас тар­­лантсан цоохор талаар уралдан өвгөд хөгшдийн­хөө­рөө бууна. Алд алд баранзад хадаг өврөөсөө гаргаж ирээд өвгөд­дөө ээлж да­раа­лан золгоно. Гэр дүүрэн бужиг­на­сан олон зочилж ирсэн божир бор бандиас хэний хүүхэд вэ гэж заа­вал асууна. Тэгээд хоорондоо “Өө тэд­ний бага уу. Манайхныг тэр жил на­мар­жаанд айл аймаг байхад төрж байсан улаан нялзрай амьтан өнөөдөр ингээд амар мэнд мэдээд, аргамаг хүлгийн нуруун дээр дар­цаг­­лаад ирдэг юм байжээ” гээд сайр­хана. Ийм л яриа хөөрөө, билгэ билгүүнийг хэлэлцсэн үг өвгө­дийн гэрт эхлэл төгсгөлгүй үр­гэлжилж, “даага далантай, бяруу бул­чинтай онд мэнд тарган тавтай оров уу” гэх тарни шингэсэн ерөө­лийн үгс амнаас ам дамжаад ши­нийн нэгний өдөр ч даанчиг тэл­мэгэр дээ.

Нар хүүшлэхээс урьтаж ус го­лын­хоо өвгөдийн амрыг ирэхээр идэр дунд насныхан ижил зүсмийн хул хонгор морьдоо унаж, хүрэн тэрмэн гадартай хурган дээл, үйтэн хуараар гоён өвгөдийнхөө гадаа дөрөөн чимээтэй буудаг. Аав нь багыгаа дүүрчихсэн, арай томыг нь номхон морин дээр эмээлийнх нь ганзагаар даруулж хажуудаа да­гуул­­чихсан, гэргий нь улаан шаргал үйтэн хуарынхаа хормойг шуугаад, уртаа гэгч нарийн хулсан ташуур барьж, шуусан хормойных нь цаа­наас ногоон нанжин гөлөм гэрэл­тээд л буудаг даа. Тэр ахын­хан ирж байна гэх яриа уяан дээр буухуйд хот айлд түгж, охид хүүх­нүүд но­хой­гоо хорих зуураа мэнд усаа мэ­дээд даанчиг сайхан. Ингэж л цагаан сарын шинийн нэгэн хэ­вий­нэ шүү дээ. “Тэр гуайнхаар нарны эр­тэд буухгүй бол өвгөн үг хаяад бо­лохгүй” гэх яриа залуусын хоо­ронд болдог нь жам. Ураг саднаа мэ­дэрч, өвгөд хөгшдөө тэгж л хүн­дэт­гэж, өв уламжлал, ёс жаягаа дээ­дэл­дэг билээ. Харин сар шинэ жаа­хан хуучраад эхлэх үест айл гэ­рийн эзэн “Цагаан сарын шинийн нэ­гэн урд хөндий өгсөөд хэдийнэ хө­төл давчихлаа. Одоо ч урт шар хүн айсуй” гэдэг. Тэр нь хаврын урт хон­гор өдрүүдийг хэлж буй хэрэг ээ.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

М.Өсөхбаяр: Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойд түрүүлсэндээ баяртай байна

Булган аймгийн Бү­рэг­хангай сумын харьяатХилчинспорт хороо, “Жигүүр грандгруппийн бөх Мон­гол Улсын заан Мөнх­­сайханы Өсөх­баяр­тай ярилц­лаа. Тэ­рээр шинэ оны өмнөхөн болсон Үндэсний эрх чөлөө, тус­гаар тогт­нолоо сэргээн ман­дуулс­ны 101 жилийн ойн хүчит бөхийн ба­рил­даанд долоо давж түрүүлсэн билээ. Ерөнхийлөг­чийн цомын төлөөх уг барил­даанд 2012 онд чансаагаараа тэргүүлсэн 128 хүчтэн зодог­лосон юм.

Үндэсний эрх чө­лөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойд түрүүлж төрийн тэргүүний­хээ нэрэмжит цомыг хүртсэнд баяр хүргэе. Чансаа өндөр­тэй 128 бөхийг үндсэн­дээ та тэр­гүүл­лээ. Ма­найхны хэлдгээр аатай сайхан түрүүллээ дээ?

-Эрх
чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн ман­дуулсны энэ их өндөр ойд түрүүлж, Ерөнхийлөг­чийн нэ­рэм­жит цом хүрт­сэнд ихэд баяртай байна.
Утга агуулгаа бодсон ч, 128 бөхийнхөө чансааг харсан ч арга­гүй сайхан баяр боллоо. Түрүүлсэн би байтугай энэхүү ойд зодоглосон бүх л бөхчүүд маань баярлаж байгаа болов уу. Хүн бүр түрүүлэх юм сан, төрийн тэргүүний цомыг хүртэх юм сан гэж бодсон нь мэдээж. Өндөр чансаатай, шилдэг хүчтэнүүд зодоглосон нь эх­нээ­сээ л мэдрэгдсэн. Бөх сонир­хогч олон Бөхийн өргөөндөө дүүр­тэл цуглаж халуун дулаан энерги цал­­гисан, эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөө­гөөрөө бахадсан тийм нэг сайхан барилдаан бол­лоо. Сана­сандаа хүртэл барилд­сан гэж бодож байна. Олон түмэн баяр хүргээд сайхан байна аа.

Өөрийн тань хэлдгээр бүх л бөхчүүд эрх чөлөө, тусгаар тогт­нолынхоо ойд түрүүлэхсэн, Ерөн­хийлөгчийнхөө цомыг хүр­тэхсэн гэж бодсон нь мэдээж. Даваа бүхэнд хатуухан учраа тулгарч байсан нь тодорхой. Бүгд л амаргүй байсан уу?

-Барилдаан
нэгийн давааны оноолтоос л үнэндээ чанга гэдэг нь мэд­рэгдсэн дээ. Ухаандаа, Г.Эр­хэм­­баяр арсланг нэгийн да­ваанд та­хи­маа өгнө гэж хэн ч тааварлаагүй нь мэдээж. Дээгүүр барилдана л гэж үзэгчид харж байсан. Мөн залуу заан Ч.Санжаа­дамба байна. Хоёрын даваанд аймгийн заан Л.Батзоригт өвдөг шороодсон. Бас л түрүү үзүүрт шалгарах бөхчүү­дийн тоонд нэр нь зүй ёсоор орж байсан шүү дээ. С.Мөнхбат аварга, П.Бүрэнтөгс арслан нарыг ч мөн л дээгүүр барилдана гэж таа­вар­лаж байсан байх. Миний хувьд Төв аймгийн харьяат хурц арслан Ч.Бат­­чулуунаар гурав, Б.Дэл­гэр­сайхан, Б.Эрдэнэхүү нарын хүчтэй аймгийн арслангуудаар дөрөв, тав давж их шөвгийн дөрөвт Ц.Содном­дорж харцагатай тунасан. Тухайн өдрийн од гийнэ гэж манайхан ярьдаг даа. Түүн шиг од гийлээ гэж бодож байна.

Болдын Эрдэнэхүү арслан сүүлийн үед сайн барилдаж байгаа. Ардчиллын ойд түрүүлс­нийг манайхан мэднэ?

-Тийм
ээ, Эрдэнэхүү арслан бяртай, аралтай, хүчтэй сайн бөх. Улсын цолонд хараахан хүрээгүй, ид гарч ирж шуугиан тарьж байгаа бөх л дөө. Тавын даваанд гурван бөхөөс ам авахдаа Эрдэнэхүү арс­ланг амласан. Чац өндөртэй, арал­тай бөх гэдэг нь барилдааны явцад мэд­рэгддэг л дээ. Түүнтэй багагүй хуга­цаанд хүч үзэж байж давсан. Гур­вын давааны ам болох аймгийн хурц арслан Батчулуун ч чац том­той, аралтай, хүчтэй сайн бөх. Гурвын даваанд ам авахад амар­гүй байсан. Дандаа л хатуу учраа­нууд үлдчихсэн байсан. Уул нь би чинь бас ч гэж цолныхоо эрэм­бээр дээгүүр ам авч байгаа шүү дээ.

Үзүүр түрүүнд Д.Рагчаа гарь­дыг өвдөглүүлсэн. Нэг их удалгүйгээр давсан. Шийдсэн мэхээ хийсэн үү?

-Гарьдтай
өмнө нь олон барил­даж байсан. Хэн хэнийхээ барил­даа­ныг ерөнхийд нь мэднэ. Харин сүүлийн үед тэр бүр таараагүй са­нагдана. Рагчаа гарьд ч улсын наа­дамд үзүүр булааснаасаа хойш бараг л зодоглоогүй. Миний нэг онц­лог байдаг л даа. Давсан ч, уна­сан ч хамаагүй үзэгч олноо хүн­дэт­гэж түргэн шуурхай барил­дъя, шийдсэн мэхээ хийж цацаа цалгиа­тай халгүйхэн үзчихье гэж боддог. Тийм л сэтгэлээр гарьдтай барилд­сан. Гэхдээ тийм мэх хийнэ гэж шийдээгүй. Барилдааны явцад л хутгачихсан чинь гарьдыг өвдөг­лүүлчихсэн.

-“Өсөхөө заан хоёр гуяа са­ваад, хүлэг морь адил эргэцээд тог­тож ядаад эхлэхээрээ ч бяр нь ордог, барилдаан нь гардагхэмээн бөх сонирхогч олон, бөхийн зүтгэлтнүүд ярьдаг юм билээ?

-Өнөө
л түргэн шуурхай ба­рил­дъя гэсэн хүсэл эрмэлзэл минь үзэгч олонд хүрдгийн илрэл болов уу. Намайг зарим хүмүүс их аатай барилддаг гэдэг. Монгол бөхөд “Аа” гэдэг ойлголт тодорхой хэмжээ­гээр байх ёстой. Аандаа багтаж ядан монгол бөхийнхөө зүлэг но­гоон дэвжээн дээр ба­рилдаж бай­сан, барилдаж байгаа олон хүч­тэн байна шүү дээ. Зарим нэг бөхийг ааг омог нь чимж, өөрийг нь ирлэж хурцалж байх шиг санагд­даг. Бөхөд ид дурлаж хонь хурганы бэлчээрт дээл хувц­саа урж явах үед аатай барилддаг бөхчүүд олон байсан.

Ингэхэд өөрөө удамтай бөх. Улсын заан Дашзэгвийн Баасан­дорж та хоёрыг ахан дүүс гэдгийг хүмүүс мэднэ. Удам гарлынхаа тухай сонир­хуу­лахгүй юу?

-Өвөө
маань “Өндөр” Цэрэн­дол­гор гэж аймгийн начин цолтой бөх хүн байсан. Манай аав боло­хоор огт барилддаггүй хөдөөний малчин хүн байв. Харин аавын төрсөн дүү Ц.Мөнхбаатар гэж сумандаа найман удаа түрүүлсэн сумын заан бий. Бүрэгхангайдаа бол “дархан аварга” юм даа. Д.Баасандорж ах ээжийн төрсөн дүү нь. Тэгэхээр би аав ээжийн аль ч талаасаа бөхийн удамтай гэж хэлж болох юм. Намайг бөх боло­ход хамгийн их нөлөөлсөн хүн өвөө маань. “Миний хүү мундаг бөх бол­но” гэж үргэлж урмын үгээр мялаа­даг байлаа. Би чинь багаа­саа л барил­дах өвчтэй, сахилгагүй нөхөр байсан. Дээд ангийнхаа хүүхдүүд­тэй нударга зөрүүлээд багш нарын зөвлөгөөний хурлаар олон орсон доо. Сургуулийн захирал Догсом гэж өөрөө бөхөд дуртай залуудаа шаггүй барилддаг хүн байсан. Би бөхийн дугуйланд нь гуравдугаар ангиасаа эхэлж явсан юм. Намайг дүрсгүйтээд хурлаар ороход байнга өмөөрдөг сөн. Гуравдугаар ангийн сурагч аймгийн аваргад барилдах гэж очоод бичиг баримт­гүй гэж хасагдчихаад уйлж суусан даа. Бөхөд тэгж л амиа тавьдаг байж билээ.

Хүн бүр багадаа тэр хүн шиг л мундаг  бөх болно гэж ихэвч­лэн мөрөөддөг. Таны хувьд?

-Эхлээд
сумын заан Ц.Мөнх­баа­тар ах шигээ бөх болно гэж боддог байлаа. Мөнхөө ахтай хамт зэргэлдээ сумдын наадамд очно. Тэгээд  байнд авсан даагыг нь хөтлөөд буцна шүү дээ. Өөрөө түрүүлчихсэн шиг л баярлана, хөөрнө, догдолно. Тухайн үед ах их л том бөх юм шиг санагддаг сан. Дараа нь улсын цолтой бөхчүүдийг зурагтаар хараад Д.Сумъяабазар аваргаас аваад л олон хүнийг биширч эхэлж байгаа юм. 1994 онд Сумъяа аваргыг начин болох жил нь би хоёрдугаар ангийн жаахан хүүхэд байлаа.

Хэдийд анх өөрийгөө бөх болох нь гэж  урамшиж байв. Хүмүүст сонин байх болов уу?

-2000 онд наймдугаар ангиа төгссөн жил Д.Баасандорж ахтай­гаа хамт бөх болно гэж хот руу орж ирсэн. Тэгээд 2001 оны үндэсний бөхийн өсвөрийн улсын аваргад шагналт дөрөвдүгээр байр эзэлж, тэр жилийнхээ цагаан сараар өсвөрийн барилдаанд түрүүлэн маш их урамшиж байсан даа. Үнэхээр бөх болчих юм болов уу гэсэн итгэл төрж эхэлсэн нь тэр. 2003 онд Казахстанд болсон самбо бөхийн залуучуудын Азийн авар­гад түрүүлж алтан медаль хүртсэн. Эх орныхоо төрийн далбааг харийн тэнгэрт мандуулан, Төрийн дууллаа эгшиглүүлэх ямар бахтайг тэгэхэд анх мэдэрч билээ.

Аймгийн цол хэзээ хүртсэн бэ. Мөн улсын наадамд хэдэн онд анх зодоглосон бол?

-Хоёр
мянга дөрвөн онд Булган аймгийнхаа наадамд аймгийн цол хүртчих санаатай зодоглосон юм. Тэгтэл тавын даваанд Түвшээтэй­гээ (олимпийн аварга, хөдөл­мө­рийн баатар) тунаад өвдөг шо­роод­сон. Өнөө цол авах мөрөө­дөл будаа болж байгаа хэрэг. Ингээд жаахан гомдолтойхон байж байтал Дорноговь аймгийн наадам найм­дугаар сард болох сураг дуулддаг юм аа. Тэгээд л Дорно­говийн наад­мыг зорьж очсон. Улсын наадмаас хэзээ хойно болсон учир хотоос бөхчүүд бага­гүй очсон байсан. Одоогийн улсын арслан Г.Эрхэм­баяр, харцага Т.Амар­түвшин нарыг начин цолтой байхад нь өвдөг­лүүлж тухайн наадмын түрүү бөх боллоо. Баярласан гэдэг тойм­гүй. Ингэж л аймгийн арслан цол хүртэж байлаа. 2005 онд улсын наадамд анх зодоглосон. Төрийн наадам эхлэхийг өмнө нь зураг­таар л харж байсан. Зодог шуудгаа бүслээд цэнгэлдэх рүү ороод ирэ­хэд их гоё санагдаж билээ. Тэр жил Сэлэнгэ аймгийн начин Ш.Зориг­тоор хоёр давж гурвын даваанд одоогийн харцага тухайн үед айм­гийн арс­лан цолтой байсан Т.Сан­чираар тунаж давсан юм. Дөрвийн да­ваанд Б.Ганбат арсланд та­химаа өгсөн. “Миний дүү сайн бөх болно шүү” гэж хэлэхэд нь ихэд баярлаж билээ. Гурвын давааны төгсгөлд Ш.Тогтохбаяр, Т.Өсөх-Ирээдүй, Б.Соронзонболд зэрэг найман залуу бөхийг хэн ч амлаа­гүй хоо­ронд нь тунааж байсан удаатай. Одоо бүгд л улсын цолтой хүч­тэнүүд болж дээ. Төрийн наа­дамд анх зодоглосон жил Д.Баа­сан­дорж ах маань улсын цолонд хүрч наадмын талбай дээр уйлал­даад зогсч байлаа.

Өөрөө ахаасаа нэг жилийн дараа буюу 2006 онд начин болж байсан. Бас л өөрийн хүчээр цолонд хүрч их л баярлаж байсан санагдана?

-Тийм
ээ, Т.Амартүвшин хар­цагыг начин цолтой байхад нь тавын даваанд давж өөрийн хүчээр цолонд хүрсэн. Бааска ах ч Одхүү начингаар тав давж өөрийн хүчээр цолонд хүрч байлаа. 2006 онд чинь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиож байсан. 1024 бөх зодоглосон төрт ёсны баярт улсын начин цол хүртсэндээ бэлгэшээдэг дээ.

Заан цолыг хэдэн онд хүрт­лээ?

-2009 онд хүрт­сэн. Тэр жил бэлтгэл ч сайн байсан. Улсын харцага Т.Мөнгөнцоожоор тав, шинэхэн начин Эрдэнэ­билэгийн Энхбатаар зургаа давсан юм. Зургаагийн даваанд ам сонсо­ход улсын цол дөнгөж хүртээд байсан гурван залуу байж байлаа. Ц.Сод­номдорж, Ө.Бат-Орших, Э.Энх­бат нар. Тэгээд л Энхбатыгаа авсан. Бид хоёр чинь нэг нутгийн нэг дэвжээний бөхчүүд шүү дээ. Харин долоогийн даваанд Н.Ган­баатар гарьдтай тунасан. Ганбаа гарьд бол надаас биеэр том, чац өндөртэй бөх л дөө. Түүнийг хутгах мэхээрээ давж заан цолд хүрсэн.

Заан цол хүртсэнийхээ дараа жил мөн л зааны даваанд шалгарч байсан. Тэгэхдээ зур­гаа­гийн даваанд өөрийн ах Д.Баасандоржтой тунаж байлаа. Тухайн барилдаанаа эргээд дурсахгүй юу?

-2010 оны наадам шүү дээ. Зургаагийн даваанд яалт ч үгүй Бааска ах (Д.Баасандорж заан)-тай тунадаг юм. Тэгээд яахав, хүч үзсэн. Энгийн амьдал дээр ах дүү болов ч төрийн наадмын дэвжээнд ах дүү гэсэн ойлголт байж болох­гүй. Гэхдээ бүр чиг үнэн хүчийг үзээд хоёр биенээ цуцаагаад зүтгэхэд бас хэцүү. Хэн сайн байгаа нь л дээшээ барилдахыг бодно шүү дээ. 2010 онд Бааска ахаар зургаа даваад долоогийн даваанд тэр жилийн түрүү бөх Б.Ганбат арс­ланд унасан. Наадмын түрүү бөх гэдэг арай өөр байдаг юм билээ. Яалт ч үгүй баралгүй унадаг. Өнгөр­сөн жил би мөн л наадмын түрүү бөх болох П.Бүрэнтөгс арсланг тавын даваанд амлаж барилдаад тахимаа өгсөн дөө.

Ерэн жилийн ойгоор наадамчин олон Өсөхөө заандаа багагүй итгэл хүлээлгэж байсан. Ер нь цолоо ахиулах болов уу гэж тааварлаж байсан. Тэгтэл зургаагийн даваанд Д.Баасан­дорж заанд өвдөг шороодсон. Хүмүүс бол ахдаа өгчихлөө дөө гэсэн байдлаар хүлээж авсан даа?

-2011 онд Бааска ах үнэхээр гойд байсан. Төрийн наадмын түрүү болчихоод зогсож байхыг нь үгүйсгэх аргагүй байсан. Тийм болохоор ахыгаа дээшээ барил­дана гэж бодсон. Зургаагийн даваанд яалт үгүй таараад хүч үзсэн дээ. Тэгээд ах минь давсан. Бааска ах долоогийн даваанд Т.Өсөх-Ирээ­дүй харцагыг давж заан болсон шүү дээ. Наймын даваанд М.Баяр­жавхлан гарьдад тахимаа өгсөн. Баяржавхлан гарьдтай хэрхэн барилдсаныг бөх сонирхогч олон мэдэх учир би илүү тайлбар хэлээд яахав дээ.

Өнөө жилийн наадамд өөрийг тань нэгюмдуулгах болов уу гэж хүмүүс харж байгаа. Аатай, иртэй сайхан барилдаж төрийн наадмын түрүү бөх болохыг ерөөе?

-Баярлалаа.
Үзэгч олныхоо итгэлийг алдалгүй санасандаа хүртэл сайхан барилдана аа. Эрх чөлөө, тусгаар тогтнолын өндөр ойд түрүүллээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шил­жин явах цомыг хүртлээ. Хийморь лундаа минь бадарч, одтой сайхан барилдах болов уу. Бүрэгхангайн минь уулс намайг түших байх. Үндэсний бөх, их спортоор хичээл­лүүлж хүч хөдөлмөрөө зарж бай­гаа багш нар, эрхэм дотны ах нарынхаа хичээл зүтгэлийг хөсөр­дүүлэхгүйн төлөө зүтгэнэ ээ.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

А.Энхтайван: Чингэс хаанд тоглохоо цагаан морин жилийн шинийн нэгэнд мэдэж билээ

Монгол Улсын ар­дын жүжигчин Агваан­цэрэнгийн Энх­тайван­тай ярилцлаа.

Ардын жүжигчин цол хүртсэнээсээ хойш сонин хэвлэлд тө­дий­лөн яриа өгөөгүй. Үнд­сэндээ сүүлийн жилүү­дэд нам гүм байгаа. Тий­мээс та­ныг эргээдухаж төнх­мөөрса­нагд­лаа л даа. Яриагаа ус нутгаас тань эхэлье?

-2009 онд төрийн
өн­дөр хишиг хүртэж, ардаа­раа овоглосноосоо хойш
ерөнхийдөө чимээгүй бай­лаа. Би ардын цолтон болчихлоо
шүү дээ гэж онгирч омойтсон
аястай ярилцлага өгөл­тэй нь биш дээ. Миний ус нутаг
Хэнтий аймгийн Баян-Адарга, Биндэр сумын зааг юм. Аав минь надад Баян-Адаргын Баян-Өлзийт багт төрсөн гэдэг. Сүүлд
сонсох нь ээ, Бин­дэрийн Бор-Овоогийн Уртын эх газар төрсөн
гээд байгаа.

Миний бие бол Бор-Овоогийн Уртын эхийг л тоонотоо гэж бодох болсон. Биндэр гэхээр хүмүүс буриад гэж ойлгох нь бий. Би чинь халх хүн. Аав ээж хоёр минь хоёу­лаа халх, бүр боржигон хүмүүс юм. Аав Шаравын Агваанцэрэн хөв­чийн Жонон вангийн нутаг Баян-Адаргын хүн. Нэгэнт аавынхаа тухай, ус нутгийнхаа тухай ярьж буй учир энд нэг зүйлийг хэлэх гэсэн юм. Ерэн нэгэн онд би удам угсаа, гарал үүслийнхээ талаар ааваасаа асууж байлаа. Тэгэхэд аав минь Хэнтийн Өндөрхаанд бие муу хэвтэрт байсан. Би гэдэг хүн эзэн хааныхаа дүрд тоглоод байж байдаг. Балжинням найруулагчаас хоёр хоногийн чөлөө аваад Өн­дөрхаанд очиж байв. Тэр бол аав­тайгаа уулзсан, үг яриаг нь сонссон сүүлчийн уулзалт байлаа даа.

Биндэр сумандаа сургууль соёл дүүргэсэн үү?

-Цэнхэрмандал суманд цэцэр­лэгт анх орж байсан түүхтэй. Аав тракторын жолооч байхгүй юу. Цэнхэрмандалд мал аж ахуйн станц байгуулагдахад хоёр трактор байсны нэгийг манай аав, нөгөөг нь гавьяат жүжигчин, дуучин Эр­дэнэбатын аав Гэндэндарам гуай барьж байсан. Тэр хоёр тус сумын бүх л айлын ус түлээг дөхүүлж, нүүлгэж суулгаж байсан буянтнууд. Эрдэнэбат бид хоёр тухайн цагийг яаж мэдэх билээ. Нэг насны зөрүүтэй хоёр. Цэцэрлэг, сургуульд цуваад л орсон. Цэнхэрмандалд гуравдугаар ангиа дүүргээд дараа нь аймгийн төв рүү шилжиж тэндээ аравдугаар ангиа төгссөн. Арван жилд дуулдаг, бүжиглэдэг тийм л хүүхэд байлаа. Бас ч болоогүй урлагийн тэмцээн уралдаанаас шагнал авчихсан, Улаанбаатарт ирээд дуу хоолойгоо цуурайтуул­чихсан догь эр явлаа.

Урлагт анх хөтөлсөн багш тань хэн байна?

-Тавдугаар
ангийн сурагч байх­даа Хан Хэнтий чуулгын дуучин, Монгол Улсын ардын жүжигчин Шархүүхэн гуайгаар уртын дуу заалгаж байсан. “Хулст нуур”, “Эр бор харцага” зэрэг дуунуудыг хоёр ч жилийн хугацаанд заалгасан юм. Шархүүхэн гуай “Миний хүүгийн хоолой бол уртын дууны хоолой биш ээ. Дуурийн дуулаачийн хоо­лой. Чи тэр замыг хөөх ёстой” гэж захиж байсан. Долдугаар ангийн хүүхдэд тэгж хэлж байгаа хэрэг. Ингээд аравдугаар ангиа дүүргээд Улаанбаатар хотноо Хөгжим бүж­гийн сургуульд ирлээ. Хоёрдугаар курст орох жил манай найрал дууны анги тухайн үеийн Улсын багшийн дээд сургууль руу шилж­сэн дээ.

Та чинь Свердловскийн Ура­лын хөгжмийн дээд сур­гуулийг дуурийн дуулаачаар төгссөн хүн дээ?

-Улсын
багшийн дээд сургуу­лийг төгсөөд л шууд Уралын хөгжмийн дээд сургуульд явсан. Уул нь намайг Дуурийн театрын дуурийн гоцлол дуулаачийн ангид хуваарилсан юм. Тэгтэл Соёлын яамны урилгаар гээд л гадагшаа явуулчихсан. Уралын хөгжмийн сургуульд таван жил суралцаад наян таван онд төгсч ирсэн. Тэгээд л хорин жил дуурийн театрын гоцлол дуучнаар ажилласан. Дуу­рийн театрт наян таван оноос 2005 он хүртэлх хугацаанд тавигдсан Монголын болон дэлхийн бүх л сонгодог дуурийн гол дүрд дуулсан байна. 32 дуурийн гол дүрийг авч гарсан байдаг шүү. Хайдав багш, Банди гавьяат хоёр тэтгэвэртээ суугаад сургуулиуд руу багшаар явчихаар нарийн цээл хоолой буюу тенор хоолойтой эрэгтэй дуучин нь би л үлдэхгүй юу. Д.Лувсаншарав гуайн хэд хэдэн дуурьт дуулсан. Манай хүн намайг дуурийн театраас гарахаас өмнө “Хадам ээж” гэсэн хоёр хүний дуурь бүтээж түүнд нь ардын жүжигчин А.Долгор бид хоёр дуулж байлаа. Халтарын Билэгжаргалын “Гэрэл сүүдэр” гэж дуурьт зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдорж гуайтай хамт дуулж байсан гээд бодохгүй юу. Ер нь би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Яагаад вэ гэж та асуух байх.

Тэгэхээр ямар хариулт өгөх бол?

-Наян
таван онд дуурийн театрт ирэхэд манай алтан үеийнхэн халаагаа өгөх дөхчихсөн байсан. Яг тийм цагт бидний үеийнхэн хаврын шувууд шиг ганганалдан ирж өнөө аваргуудаас хормойгоо дэвсэн халааг нь авч байсан. Ц.Пүрэвдорж, Г.Хайдав, А.Бүтэд, Х.Уртнасан, Д.Жаргалсайхан гээд Монголын сонгодог урлагийн үрийг нь тарьсан хүмүүс. Энэ дундаа миний хамгийн хайртай алтан портнер бол Хорлоогийн Уртнасан гуай. Бид хоёр олон сонгодог дуурьт хамтарч дуулж байлаа. Маш түшигтэй сайхан хүн шүү дээ. Хоёулаа Гонгорын Хайдав гэж хүний шавь юм. Бидний үеийнхэн гэвэл ардын жүжигчин Батаагийн Жавзандулам, Аюурзанын Долгор, Чинзаяагийн Мөнхшүр нар шүү дээ. Ийм л нэгэн үеийн сонгодог дуучидтай Монголын дуурийн театрын тайзнаа хорин жилийг үдсэн байна. Алтан үеийнхний тарьсан үрийг Монголынхоо хөр­сөнд улам сайхан ургуулаад дараа үе, дүү нартаа хүлээлгэж өгсөн гэж бодохоор омогшил төрдөг л юм. Гэхдээ бид өнөөдөр тэгтлээ хөг­ширчихөөгүй байна. Хэдий эмээ, өвөө болчихсон ч гэсэн багш нарын­хаа дэргэд залуу л байна.

Тантай гурван ч сэдвээр данайтал ярилцаж болмоор санагдана. Ухаандаа, хоёу­лаа эхний сэдэв буюу дуурийн дуулаачийн тухайд чинь л ярилаа. Эзэн хааныхаа дүрийг бүтээх түүхэн үүрэг танд оногдсон. Энэ тухай асуулгүй өнгөрч боломгүй. За тэгээд цаана нь хөгжмийн зохиолч гэж нэг том зүйл бас байна даа?

-Үнэн
шүү. Ах нь өөрийнхөө Монголын урлагт байгуулсан гавь­яа, зүтгэсэн зүтгэлээ гурван хэсэгт хувааж боддог. Эхний хэсгийг нь ярилаа. Одоо эзэн хааныхаа түүхэн дүрийг бүтээсэн хувь заяа буюу кино урлагтай холбогдсон түүхээ сөхье. Ерэн оны цагаан морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд миний бие кино урлагтай холбогдсон. Энэ маань эзэн хааныхаа түүхэн дүрийг бүтээх болсон гэсэн үг л дээ. Би бол өөрийн саналаар юм уу, сэтгэ­лийнхээ дуудлагаар ийм хувь заяатай холбогдоогүй. Ерөөс На­ца­гийн Жанцанноров гэж хүний буян юм. Тэр хүн намайг Чингэс хааныхаа дүрийг бүтээх эхний алхамыг хийж өгсөн. Төрийн шаг­налт хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурьт тоглож байхад намайг анхаарч харсан юм билээ. Энэ дашрамд хэлэхэд, Нацагдорж багшийн “Үүлэн заяа”, “Гэсэр”, Билэг­жар­галын “Ламбугайн нулимс” энэ гурван дуурь бол Монголын үндэс­ний дууриудын хамгийн том шинэчлэл гэж би боддог. Ингээд “Үүлэн заяа”-гийн Төмөртөр хаанд дуулж эхний өдрийн тоглолтоо дууссаны дараа Жанцанноров гуай баяр хүргээд “Бидний хэдэн нөхөд нэг юм хийх гээд байгаа. Маргааш чи энэ дуурьдаа дуулна биз дээ” гэлээ. Тэгээд л өнгөрсөн. Би ямар  хүмүүс, юу хийх гэж байгааг мэдэх ч үгүй, асуух ч эрхгүй шүү дээ. Маргааш нь дуурь дуус­саны дараа өрөөндөө будгаа арилгаад зогсч байтал Балжинням, Нагнайдорж нарын найруулагчид ороод ирдэг юм байна. Бүгд намайг харж сонжиж, хэд гурван үг асуу­гаад яваад өгсөн. Өглөө нь ажилдаа ирээд дасгалаа уншаад зогсч байтал “Энхтайван, чи юу хийгээд энд байж байгаа юм бэ. Чамайг 10 цагт кино үйлдвэр дээр бэлэн байгаарай гэсэн ш дээ” хэмээн нэг нь хэлдэг юм. Тэгээд л автобусанд суугаад кино үйлдвэр орлоо.

Тэнд Б.Балжинням найруу­лагч тэргүүтэй хүмүүс хү­лээж байв уу?

-За
хө, хэн хэн хүлээж байсан гэж бодно. Төрийн шагналт, урла­гийн гавьяат зүтгэлтэн Бэгзийн Балжинням, ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ, төрийн шагналт зохиолч Дарамын Батбаяр, зураач Пүрэвсүх, зохиолч Дүгэржавын Маам, оператор Луузаншаравын Шаравдорж гээд аваргууд сууж байгаа юм. Тэд надаас ус нутаг асууснаа шууд л өндөр хэд вэ, биеийн жин хэд вэ гэдэг юм. Тухайн үед чинь би мөрнийхөө дээгүүр татах хэмжээний урт үстэй байсан. Балжинням найруулагч “Бадам­сүрэнг дууд” гээд нүүр будагчийг дуудууллаа. Тэгээд намайг хорин настай, дөчин настай, жаран настай болгуулж үзлээ шүү. Жаран настай болчихоод байж байхдаа “Би ер нь ийм л өвөө болох юм байна” гэсэн бодол төрж билээ. Гэхдээ надад чухам хэний хорин нас, жаран нас гэдгийг мэдэхгүй байлаа. Ухаандаа, жаран настай өвгөний дүрд хувираад цагаан ногтон сахалтай амьтан өнөө хэдийн чинь өмнө зогсож байхдаа “намайг ер нь яах гээд байгаа юм болоо” гэж бодож байлаа. Ингээд долоо хоногийн дараа манай дуурийн театрын ерөнхий найруу­лагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Лхагвын Эрдэнэбулган гуай ороод ирлээ. “За нөхөр минь чи кино үйлдвэрт нэг сарын хугацаатай ажиллах болж байна даа” гэлээ. Би хариуд нь “Үгүй ээ, найруулагчаа би явж чадахгүй. Уран бүтээ­лийн­хээ ажлыг хиймээр байна. Хэд хэдэн дуурь намайг хүлээж байна” гэсэн юм хэллээ дээ. Тэгтэл заг­нуулдаг юм аа. “Чиний наад толгой чиний толгой биш төрийн толгой. Хэн юу л гэж хэлнэ чи түүнийг нь биелүүлэх ёстой. Хэрвээ ихээхэн гөжүү зан гаргаж өмнөөс тайлбар тавих юм бол дэмий шүү” гээд сүхээр цохих шиг л тас буулгаад авдаг юм. Ингээд би гэдэг хүн бүр нэг гомдолтой нь аргагүй, театр руугаа эргэн эргэн харсаар кино үйлдвэр рүү явж билээ. Ямар ки­нонд, ямар дүр бүтээхээ мэдэхгүй амьтан л явж байгаа хэрэг шүү дээ. Замд явахдаа юу гэж бодсон гэж санана, ямар ч дүр өгсөн хамаагүй түүнд нь тоглож чадахгүй гэдгээ албаар харуулаад, тэнцэхгүй нь гэсэн тодорхойлолт аваад буцаад театртаа ирнэ дээ гэж. Нэг сарын хугацаанд сургуулилт хийхдээ “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын Бөртэ-д тоглодог ардын жүжигчин С.Сарантуяа, Боорчийн дүрийг бүтээдэг, “Мандухай цэцэн хатан”-д Мянхайд тоглож байсан Төмөр­тогтох, төрийн шагналт Ц.Төмөр­баатар, Хасар Жагаа, гавьяат Ж.Сүххуяг нартай эхлээд тоглуулж байгаа юм. Бид бол үе тэнгийнхэн. Дараа нь Сувд гуайтай, Мягмар­наран гуайтай тоглууллаа. Монго­лын тайз дэлгэцийн урлагийн сор болсон тэдгээр жүжигчдээс би үнэндээ сүрдэж байлаа шүү.

Чингэс хааны дүрийг бүтээ­хээ яг хэдийд мэдсэн гэдэг билээ?

-Ерэн
оны хоёрдугаар сарын 19 буюу цагаан морин жилийн шинийн нэгэнд мэдэж байсан. Дуурийн театрынхан чинь шинийн нэгэнд театр дээрээ уулзаж ахма­дууддаа золгодог улажлалтай. Тэрхүү уламжлалынхаа дагуу ши­нийн нэгний өглөө гэртээ шинэл­чихээд театртаа очоод “Гоцлол дуучин А.Энхтайвандаа эзэн Богд Чингэс хааныхаа түүхэн дүрийг Монголын кино урлагт анх бүтээх болсонд баяр хүргэе” гэсэн бичиг үүдний самбар дээр дурайтал байж байдаг юм. Би эхлээд итгэ­сэнгүй. Манайхан надаар дамшиг­лаж байна даа гэж бодлоо. Үүд­нийхээ жижүүрээс хэн ийм зарлал гаргасныг асуулаа. “Мэдэхгүй ээ, захиргаанаас байлгүй дээ. Баяр хүргэе” гэдэг юм. Өрөөндөө ортол манай хэд баяр хүргээд тэвэрч үнсээд сүйд. Удалгүй театрын удирдлагууд баяр хүргээд ахмад настнууддаа золгох биш “Чингэс хаандаа золгоё. Эзэн хаанаараа бахархах ийм нэг сайхан цаг ирдэг юм байна” гээд хөгшин залуугүй надад золгож баяр хүргэж байлаа.

Ингэж л хувь заяагаар эзэн хааныхаа дүрийг Монголын кино урлагт анх бүтээсэн юм шүү. Сайн муу бүтээснийг ард түмэн л үнэлнэ. Өнөөдөр хүртэл миний ард түмэн намайг Чингэс хаан шигээ хүндэт­гэн дээдэлдэг. Тэгэхээр би энэхүү түүхэн дүрийг гайгүй шиг бүтээсэн юм болов уу. Хамт тоглосон нэртэй жүжигчдийн нөлөө байсан. Ухаандаа, Сувд гуайг би уг кино бүтэх хоёр жилийн хугацаанд ээж шигээ л хүндэтгэж “ээж ээ” л гэдэг байсан. Банзарын Дамчаа гуай, Гүрсэдийн Доржсамбуу гуай хоёр киноны турш надтай ажилласан. Тэдний л хүчинд чи Чингэсийнхээ дүрийг бүтээсэн байхгүй юу. Нэг сонин зүйл нь Монголын дуурийн театраас Сүхбаатар, Хатанбаа­тарын дүрүүд тодорсон байдаг. Ер нь тэгээд Дашнамжил гуайгаар Сүхбаатар жанжныг, Эрдэнэ­бул­ган ахаар Хатанбаатарыг, өчүүхэн надаар Чингэс хааныг төлөөлүүлж боддог болж дээ. Үүнд уран бүтээл­чийнхээ хувьд бахархахгүй байхын аргагүй ээ.

Та Монголын кино урлагт Чингэс хаанаасаа өөр дүр бүтээсэн үү, үгүй шиг санагдах юм?

-Бүтээгээгүй юм аа. Надад бол олон киноны урилга ирсэн. Тэр бүгдэд  зөвшөөрөөгүй ээ. Би бол мэргэжлийн жүжигчин биш. Азаар, хувь тавилангаар эзэн хааныхаа л дүрийг бүтээчихсэн хүн. Гэтэл өөр кинонд тоглож байгаа нь энэ гээд ард түмний сэтгэлд нэгэн өндөрлөг тогтоосон өнөө дүрээ манайхны хэлдгээр шалны алчуур болгочих­вол яах юм бэ. Чингэс хаан чинь худалч, хулгайч, зальжин, шорон­гийн хүн болоод хувирчихвал яах юм. Тийм л бодол өвөрлөж тат­галздаг. Үндсэндээ, Монголын ард түмэн намайг эзэн Богд хаанаараа л хүлээж авсан. Тиймээс би Чингэс хаан нь л байя гэж бодсон хэрэг л дээ. Харин кино урлагт бол сэтгэлээ өгсөн. Гэргийнхээ “Нүхэнд үлдээсэн сувд” зохиолоор “Мойлхон” гэж кино хийсэн. Азийн кино наадмын фестивальд шилдгээр шалгарч байлаа. Түүнээс хойш хоёр, гурван ч кино хийгээд байна.

Танаас бас нэг зүйлийг асууя гэж бодоод байдаг. Сүүлд манайхҮхэж үл болноЧин­гэс хаангэсэн кино хийлээ. Түүнд Чингэсийн дүрийг Тө­мөрбаатар гавьяат бүтээсэн. Мэдээж өөрийнхөөрөө л бүтээсэн нь мэдээж. Түүнийг та Чингэсийг ямар хэмжээнд гаргасан гэж боддог вэ?

-Уг
киног сайн муу гэж тодор­хойлох нь миний хувьд зохимжгүй юм. Ц.Төмөрбатар бид хоёр уран бүтээлийн найзууд. Түүнийг би ясны жүжигчин гэж боддог. Үнэхээр ч төрмөл, таримал амьтан л даа. Бид хоёр уулзахаараа уран бүтээ­лийн тухай санаа оноо солилцоно. Харин Чингэс хааны тухай, бүтээсэн дүрүүдийнхээ тухай “А” ч гэж ярьдаггүй байхгүй юу. Сонин байна уу. Харин “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино дэлгэцэнд гарсны хорин жилийн ойгоор задгай галын дэргэд зогсоод Тэмүүжин, Жамуха хоёрын дүрд хэрхэн тоглосноо дурсан халуунаар тэврэлдэж байс­наа мартамгүй. Тэр бол ховорхон л тохиол.     

Бид хоёрын яриа сонины энэхэн зайд үнэндээ багтах­гүй л дээ. Гэхдээ танаас уран бүтээлийн гурав дахь хэсэг буюу хөгжмийн зохиолчийн тухайд чинь асуумаар байна?

-Хөгжмийн
зохиолчийнхооо хувьд 400 гаруй дуу, тав зургаан уран сайхны кино, хориод баримтат киноны хөгжим бичжээ. Анхны маань дуу бол Жүмпэрэлийн Саруулбуян андын минь шүлэг “Балжийн гол” юм. Мэргэжлийн дуу л даа. За тэгээд Саруултайгаа “Ононгийн шугуй” тэргүүтэй хэд хэдэн сайхан дуу хийсэн. Сүх­баатар нутгийн найрагч Сумъяа­гийн Амартайвантай хамтарч бү­тээсэн “Олонтой явсан аав” дуу минь “Морин хуур” авч, би гэдэг хүн ихэд баярлаж байлаа. Соёлын тэргүүний ажилтан Б.Батболд дуулж олонд хүргэснийг хүмүүс мэднэ. Мөн Б.Батмэнд, С.Цогт­сайхан нарын “Санасан шүү ча­май­гаа”, У.Далантай, Т.Баясгалан нарын “Эрхлэн жаргах бидэн хоёр” гээд олны сайн мэдэх дуунууд байна. Ерээд онд байна уу даа, Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Ээжийн­хээ ачийг яалаа даа” шүлгэнд аялгуу хийгээд зууны манлай Хорлоогийн Уртнасан гуайгаар дуулуулж явсан хүн шүү дээ, би.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Сайн байна уу

Гэгээн өглөөний ургах нарыг сэтгэлдээ багтааж, өөрс­дөө нарны гэрэл сац­раан сэрдэг ард түмний минь нэгэн шинэ өдөр “сайн байна уу”-гаар эхэлдэг билээ. Эн­гий­нээр өгүүлэх аваас мон­гол­чууд өглөө босоод л өөр хоорондоо сайн байна уу гэж мэндэлдэг. Харин хятадууд “ni hao”, оросууд “доброе утро”, англи­чууд “good mor­ning” гэж мэндэлд­гийг бид мэднэ. Бүгд л сайн сайхныг бэлгэдсэн ерөөлийн үг юм. Дэлхийн бүхий л улс үндэстэн ингэж сайн сайхныг бэлгэдэн гэгээн тунгалаг өглөөг угтдаг. Тухайн өдрийн өглөө нартай, салхитай, бороо­той, идэр есийн тэсгим хүйтэн тачигнасан, хахир жавраар ороолгосон ч юм уу, ерөөс ямар чиг байж болно. Гол нь тухайн хүний сэтгэл амар амгалан, ариун тунгалаг байхуйд тэр өглөө хамаг бүхэн цэлмээд л явчихдаг билээ.

Үүнээс улбаалаад бодо­хоор сайн байна уу гэх энгийн хоёрхоон үгийн цаана энэхэн замбуулингийн бүх зүйл сайн сайхан байгаасай, ерөөс сайн сайхан л байх болтугай гэсэн биелэгддэг тарни нууг­даж байдаг юм шүү. Бурхан номын цөөхөн шад мөрүү­дийг тарни хэмээн бид сүслэн уншдаг. Ид шидтэйг нь бие, сэтгэлээрээ мэдэрдэг. Ухаан­даа, тарнийн хүчээр юуг ч эргүүлж болдгийг ард түмэн минь мэднэ. Айсан сандар­сан, зовсон зүдэрсэн цагтаа өнөө л тарнийнхаа шад мөрүү­дийг уншиж, бүр хэдэн­тээ уншиж үнэн голоосоо сүсэлж дотроо залбирдаг. Нэг л мэдэх нь ээ, ямар нэгэн далдын хүч нөлөөлдөгсөн үү, өнөө тар­нийнх нь ид шид нь тэр үү, айдас хүйдсийн хү­лээс­нээс хэдийнэ гарч, зов­лон­гоосоо ангижрах шиг бол­дог буюу. Ингэж л бид үгийн ид шид, тарнийн нууцлаг увдисаар амьдарч яваа хүмүүс шүү дээ.

Сайн байна уу гэх мэнд яг үүн шиг тарнийн увдистай юм. Бүр тодруулбал, биелэгд­дэг тарни юм. Тэгэхээр өөдөө заяатай, тэнгэр угсаатай гэгд­дэг монголчууд бид ургахын улаан нартайгаа зэрэгцэн ажил төрөлдөө ирэхдээ өөр хоорондоо сайн байна уу гэж мэндэлдэг болмоор байна. Бүр улс даяараа ийнхүү мэн­дэлж, хэн нэгэндээ чин сэт­гэлээсээ тарнийн шившлэг өгдөг болбол яасан юм бэ. Зөвхөн өглөө мэндлээд зог­сох­гүй таньдаг мэддэг хүмүүс уулзах бүртээ ингэж мэндлэн халуун дулаан энергиэрээ таталцдаг баймаар байна шүү дээ. Монголчууд бид сайн байна уу гэх тарнийг гэр бүлийнхэндээ, хамт олон, найз нөхдөдөө шившиж, угтаа хэн нэгэнтэйгээ мэн­дэлж сураагүйгээс ядуу хоо­сон, боол адил буурай дорой амьдарч байгаа юм биш үү. Монголынхоо нийгмийг толь­дохуйд, хүмүүсийнхээ сэтгэл­гээ түүнээс үүдээд харилцаа­ны соёл, боловсролын түв­шинг харахуйд арай ч дээ гэмээр санагдах юм. Ой гутах юм аа. Бид чинь Улаан­баа­тарынхаа утаа униараас дор сэтгэлгээ, соёлтой, тэсгим хүйтэн энэ өдрүүд шиг цэвдэг хүйтэн сэтгэлтэй болсон байна шүү дээ.

Гадны улс орныхон сайн сайхныг ерөөсөн энэхүү тар­нийг өглөө болгон бие биедээ хэлдэг. Бүр чин сэтгэлээсээ, үнэн зүрхнээсээ хэлдэг. Хүүх­дүүд нь өглөө босоод л аав ээжтэйгээ мэндэлдэг. Гэргий нь нөхөртэйгээ, нөхөр нь гэргийтэйгээ харцнаасаа хайр энэрэл цалгиулаад л мэндэлдэг. Аз жаргалтай амар амгалан орнууд уг тар­нийг бүр чиг хэлж хэвшиж сурсан нь анзаарагддаг юм. Аз жаргалаар, хайраар, гэрэл гэгээгээр бялхсан ард түмний шинэ өглөө, шинэ амьдрал ингэж эхэлдэг ээ. Зүрх сэт­гэлдээ хөтлөгдөн өөрийн эрхгүй соронзон гүр адил татагдахаар эхэлдэг юм шүү. За тэгээд ажил дээрээ ирэ­хээрээ хамт олонтойгоо нэг бүрчлэн мэндэлдэг бичиг­дээгүй хуультай. Гадаа гудам­жинд харц тулгарах аваас мэхийж ирээд л мэн­дэлнэ. Хүн бүгд нэгнээ ертөн­цийн эзэн мэт, бурхадын гэгээн дүр мэт хайрлана. Тэгэхээр эндээс нэг зүйл нэвт шувт анзаарагд­даг л даа.

Юу вэ гэвэл, өөр хоорон­доо халуун дулаанаар мэн­дэлж, сайн байна уу гэх тар­нийг чин зүрхнээсээ хэлнэ гэдэг тухайн орчиндоо, ту­хайн нийгэмдээ, тухайн улс­даа найрсаг сэтгэхүйг бий болгож байна. Эндээс л улс орны хөгжлийн дотоод гогцоо тайлагдаж, сайн сайхан ирээ­дүйн зам мөр эхэлдэг байна. Ийм л нэг найрсаг сэтгэхүйг Монголын нийгэмд, зам хар­гуй, гудамж талбайд бий болгох юм сан.

Хэрвээ Монголын нийгэм хахир хүйтэн, цэвдэг төрхөө гээж хаврын бороо зөөлөн шивэрч байгаа юм шиг гэгээн тунгалаг болохуйд бид хөг­жих­гүй гээд яах юм бэ. Улс орон минь хөгжиж, хүн бүхэн баяжиж, амар амгалан, сэтгэл тэнүүн, юунд ч санаа зовол­гүйгээр аз жаргалтай амьдар­нам бус уу. Тэгэхээр монгол­чууддаа хүн бүхэн найрсаг байж улс орноо, ний­гэм цаг үеэ найрсаг халуун дулаан болгоё гэж уриалмаар байна.

Ингэхэд бид чинь бүтэн жилийн ганцхан өдөр л хэн нэгэнтэйгээ мэндэлдэг хүмүүс дээ. Тэр өдөр нь хаврын тэр­гүүн сарын шинийн нэгэн. Цагаан сарын шинийн нэгэнд Монголын нийгэм тэр аяараа ямар амар амгалан, хөхин баясалтай, халуун дулаан болдгийг та бүхэн анзаардаг уу. Орцны үүдэнд, гадаа гуд­манд тааралдсан огт танихгүй залуус сайн байна уу гээд мэндлэхээр сэтгэл дотор нар ургах шиг л гэгээ татаад яв­чих­даг. Замын түгжээ хэрээс хэтэрсэн ч хүмүүсийн сэтгэлд бухимдал байдаггүй. Бүг­дийнх нь л царай инээм­сэглэсэн төрх­тэй, шинэхэн дээлийнхээ өнгө шиг л тод тунгалаг харагддаг. Замын хальтиргаа, түгжээ­нээс үүдээд хоёр машин хам­раа­раа шүргэлцэхэд жолоо­ч нар нь бууж ирээд хэн хэндээ сар шинийн мэнд дэвшүүлэн, миний буруу, ахынх нь буруу гэж харилцан буулт хийх нь ямар гоё гээ. Шүргэлцсэнийг тоож байгаа ч юм байхгүй, машинд байсан хүмүүс нь бүгд бууж ирээд дээл хувцсаа засаж, шинэхэн дурдан бүсээ чангахан шиг ороогоод зол­гоцгоож үзэгддэг. Уртаа гэгч цэнхэр баранзад хадаг на­мируул­сан залуу үл таних хөгшдийн тохойг өргөн зол­гоод, бөөн бөөнөөрөө мэнд мэдээд хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд монголчууд тийм л утга төгөлдөр байж ёстой жаягтай, ахмадаа хүн­дэтгэх сэтгэлтэй, залуусаа хайрлах итгэлтэй байдаг билээ л.

Тэгэхээр бүгдээрээ шинийн нэгний тэрхүү баяр хөөр, ёс жаяг, найрсаг дулаан байдлаа хадгалан бүтэн жилийн бусад гурван зуун жаран дөрвөн хоногт яг л ингэж мэндэлдэг, хэн нэгэн­дээ хүндэтгэлтэй ханддаг баймаар байх юм аа.

Шинийн нэгнээс бусад өдөр монголчууд бид гадаа гудманд, ер хаана ч гэсэн харц тулгарахаар яадаг билээ. Пизда (монголчууд хэлэхээсээ огтхон ч ичдэггүй, эмээдэггүй болохоор миний бие ичиж зовсонгүй) гэж хэ­лээд өөд өөдөөсөө нулимц­гаадаг, салаавч үзүүлдэг. Энэ байдал замын хөдөлгөөнд оролцох, үзвэр үйлчилгээ бүхий л зүйлд илт анзаарагд­дагийг хэн хүнгүй мэднэ дээ. Хэн нэгний машиныг хажуу­гаас нь санамсаргүй шүргэ­хэд, шүр­гэх бус зүгээр л арга­гүйн эрхэнд шахалт үзүүлэхэд өмнөөс нь бүгд л пизда гэж хэлээд нулимна. Ажилтай ажилгүй, боловсролтой бо­ловс­ролгүй, баян ядуу хамаа­гүй. Бүгд л нэгэн ижил авир үзүүлнэ. Өнөөдөр монголчуу­дын маань гурван үгийн нэг нь пизда болжээ.

Сайхан амьдрал, саруул­хан ирээдүйг бий болгохын тулд бага юмнаас эхлэх ёстой. Бид урьд нь “Өдрийн сонин”-оороо ийм нэг санал дэвшүүлж байсан. “Нэг ма­шин өмнүүрээ өнгөрүүлбэл нэг ажил бүтнэ, хоёр машин өмнүүрээ өнгө­рүүл­бэл хоёр ажил бүтнэ” гэх бидний гарга­сан философи Монголын ний­гэмд ямар ч байсан хүрсэн шиг байна лээ. Тэгвэл энэ удаа дараагийн өөр нэг сана­лаа дэвшүүлж байна. Нэгэнтэйгээ уулзаад сайн байна уу гэж нөхөрсгөөр хэл­дэг болъё. Пизда гэдгээ больё. Баян ядуу, согтуу солио­той, ууртай уцаартай хэн бүхэн харийн энэ муухай гутамшигтай, муу ёрын энерги агуулсан энэ үгийг өдөр бүр хэлэхээр яаж ч олиг­той амьдрах вэ дээ. Яаж өөдөө дээшээ явж, баян цат­галан сэтгэл хангалуун байх юм бэ. Тэгэхээр одоо бүгдээ­рээ хэн хэн рүүгээ хялайж хараад пизда гэж нулимахаа л больчихъё. Ний­гэм маань эрүүлжээд, цаг үе минь өнгө засаад л явчихна. Харийн муухай, муу ёр шингэсэн энэ үгнээс салж сайн байна уу, сайхан байгаа­рай гэдэг тарнийг бие биедээ шившиж эхэлье. Өнөөдрөөс эхлэн нарны түмэн цацраг адил шившье. Амьд­ралын сайхныг өөрөөрөө өртөөлж, аз жар­галын дээдийг багтааж ядсан, өөдөө заяат тэнгэрлэг миний Мон­голын ард түмэн САЙН
БАЙНА
УУ.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Д.Данзан: Сумъяабазар баахан доллар ярих болж, гэхдээ Бөхийн өргөө босоход таван төгрөг ч хандивлаагүй шүү дээ

-БАРИН ТАВИН БАРИМТТАЙ ЗҮЙЛИЙГ ЦАРАЙНЫ
ХУВИРАЛГҮЙ МЭЛИЙТЭЛ ХУДЛАА ЯРИАД БАЙХ ЧИНЬ ЖУДГАА АЛДАЖ ЯВААГИЙН
ГЭРЧ БУС УУ-

Монголын үндэсний
бөхийн холбооны дэд тэргүүн, Монгол Улсын соёлын гавьяат
зүтгэлтэн, физик-математикийн
ухаа­ны доктор Довдон­гийн Данзантай ярилц­лаа. Эл эрхмийг бид “Монгол эрийн жавхаа”,
“Түшээт хааны Намхай аварга”,
“Гэртээ ирлээ”, “Насны хайр” тэргүүт
ард түмний сэтгэлд хүрсэн олон дуугаар нь мэдэх юм.
Мөн “Босоо дэлтэй  борлог”, “Дэлхийд ганц наадам” зэрэг шилдэг бүтээлүүдээрээ Монго­лын зохиолчдын эвлэ­лийн шагнал хүртсэнийг ч мэдэх билээ.

Харин эл удаа эрхэм гавьяат­­тай уран бүтээлийн тухай хөөрөлдөхийг хүссэнгүй. Ерөөсөө л Монгол Улсын аварга Д.Сумъяабазарын телевизээр олны хүртээл болсон ярилц­ла­гад тулгуурлаж, нэг үгээр хэл­бэл аваргын яриа үнэн зөв эсэ­хэд хариулт авлаа.   

Сүүлийн үеийн бас нэг шуу­гиан бөхчүүдийн хэрүүл, тэмцэл болоод байна уу даа. Д.Сумъяа­базар аварга саяхан телевизээр яриа өгсөн. Түүний дараа А.Сүх­бат, Д.Сумъяабазар нарын авар­гууд, арслан Х.Мөнхбаатар нар мөн л цуврал лекц явуулж үзэгч­дэд хүргэлээ. Танай холбоо руу л дайрч шүүмжлэлтэй хандаж байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-А.Сүхбат аварга, Х.Мөнхбаа­тар арслан нарын лекц яах вэ. Тэр хүмүүс лекцээ явуулж л байг. Энэ бол тэдний асуудал. Харин Монгол Улсын аварга, дотночилж хэлбэл дүү Д.Сумъяабазарын телевизээр ярьсан, түүнийгээ дахин дахин давтсан яриа хөөрөөний тухайд өөрийн бодлоо хэлэхийг хүслээ л дээ. Миний бие аваргын яриаг сонсоод эхэн үедээ нэг их ач холбогдол өгөөгүй. Ер нь ч тэгээд магтаалд хөөрч, шүүмжлэлд сөр­вөлздөг нас минь нэгэнт өнгөрсөн болохоор төвөг цаашаа л гэж бодсон. Тэгтэл ойр дотнын бүхий л хүмүүс “Худал зүйлийг олон дав­тахаар үнэн болдог” шүү гэж сануу­лаад байгаа. Энэ нь намайг Сумъяа аварга-дүүгийн ярианд хариу өгөөч гэсэн үг хэмээн ойл­голоо. Эрхэм дүүгийн яриа баахан бухимдангуй, гуниг харууслын аястай, уур уцаартай, омог шартай, бас ч шаггүй жүжиглэлтэй, нэг үгээр хэлэхэд баахан нисваанистай боллоо. Уур, мунхаг, шунал, атаар­хал, омог эдгээрийг нисваанис буюу сэтгэлийн таван хор гэдгийг манайхан мэднэ дээ. Нэгд, аваргын ярианд хүн үнэмшимгүй зүйл их, өөрөө өөрийгөө үгүйсгэсэн логик алдаа арвин байна. МҮБХ-ны хийсэн нэр төртэй олон ажил түмний нүднээ ил байгааг зориу­даар үл анзаарчээ.

Сумъяа аваргаБөхийн ёс зүйг сайн сайхан болгохын тулд би санаачлан аваргуудын зөв­лөл байгуулсан, аймаг цэргийн цолтой бөхийн барилдааныг Р.Сэддорж санаачилсан гэсэн байна лээ. Энэ эрхбиш үнэн биз дээ?

-Худлаа. Үнэн нь гэвэл их өөр юм. Тэртээ 1973 оноос бөхөд элэг­тэй хүмүүсийн санаачилгаар алдаг оног зохион байгуулж байсан аймаг, цэргийн цолтой болон залуу бөхийн барил­дааныг 1990 оноос МҮБХ сургал­тын шинжтэй болгон өөрчилж 17 жил тасралтгүй явуул­сан. Үүний дараа 2007 онд айм­гийн заан Р.Сэддорж гэдэг хүүг энэ барил­дааны менежерээр авч үүрэг­­жүүлэхэд тэрээр барилдааны менежментийг шинээр хийж, маш сайн ажиллаж байсныг МҮБХ ямагт өндөр үнэлдэг. Харин мань хүн тодорхой шалтгааны улмаас МҮБХ-оос халагдсаныхаа дараа Д.Сумъяабазар нарын залуу авар­гууд дээр очин “Аваргуудын зөв­лөл” байгуулан МҮБХ-г удирдан ажил­лаж болох тухай санал гаргаж дүрэм номыг нь боловсруулсан дуулддаг. Түүнийг нь Д.Сумъяа­базар нар дэмжин ийм зөвлөл байгуулж бөхийн холбоог удирдла­га­даа авъя гэж санал нийлсэн байдаг юм. Ийм болохоор аваргуу­дын зөвлөлийн санаачлагч нь хэн бэ гээд зохиогчийн эрх авах бол тэр нь Сумъяабазарт биш Сэддоржид очих ёстой.

Бусдын санааг өөрийнх болгон ярих чинь нэгэн төрөл луйвар биз дээ. Өөр нэг залруулах зүйл нь аймаг, цэргийн цолтой болон залуу бөхийн барилдааныг Сэддорж санаачлан бий болгосон гэдэг нь бас л худлаа. Энэ барилдааныг судлаач, бөхийн тайлбарлагч Г.Баяр­цэнгэл санаачлан 1973 онд эхлүүлж улмаар МҮБХ 1990 оноос өвлөн авч хөгжүүлснийг Монголын оюуны өмчийн газраас баталгаа­жуулан Г.Баярцэнгэл гуай, бидэнд оновчтой саналын гэрчилгээ олго­сон нь бий. Барин тавин баримттай зүйлийг царайны хувиралгүй мэлийтэл худлаа яриад байх чинь бүх юманд ийн ханддаг болж, жудгаа алдаж яваагийн гэрч болох 
бус уу, Сумъяабазар аа. Ах хүний хувьд, эр хүний жудаг, шударга ёсыг цаг ямагт эрхэмлэдгийн хувьд ингэж сануулмаар байна.   

-“Монгол бөхийн хөгжилд ахиц дэвшил гараагүй. 1990 оноос өмнө бөх бодлогоор сайн хөгжиж байсанхэмээн аварга үзээд байгаа. Үүнтэй санал нийлэх үү?

-Түүнийг хүүхэд байх үед буюу аавыг нь ид барилдаж байхад Долгорсүрэн гуай оролцсон 24, 36, 48, хааяахан 64 бөх Спортын төв ордон, Хоршоолол нийгэмлэгийн зааланд барилддаг байсан. Хорин хэдэн бөх, гучин хэдэн бөх гэдэг дэндүү цөөхөн биз дээ. Тэгвэл өнөөдөр улс, аймгийн цолтой бөх­чүүд ахалсан барилдаанд 224-256 бөх, аймаг, цэргийн цолтой болон залуу бөхийн барилдаанд мөн 256, сумын цолтой болон залуу бөхийн барилдаанд 500-600 бөх барилдаж байна. Зориудаар хяз­гаар­лаж байж ийм тооны бөхчүүд зодоглож байгаа. Энэ ахиц дэвшил биш үү. Мөн монгол бөх өөрийн ордонтой, өөрийн хэвлэл­тэй, бөх­чүүд цолны хишигтэй, ядарч зүдрэхдээ яваад очих бай­гуул­лагатай, орон тооны удирд­лагатай, бүгдээрээ цуглаж хурал­даад өөрс­дийнхөө асуудлыг шийдчихдэг дүрэмтэй, үндэсний бөхөд гаргасан амжилтаараа гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар болдог бо­ломж­той боллоо. Энэ бас ахиц дэв­шил биш гэж үү. За тэгээд бөхийн бай байна. Ерээд оноос өмнөх үед заал танхимд түрүүлсэн бөхийн бай 50 төгрөг байсан. Мөнгөний ханш энэ хугацаанд 1000 дахин унасан гэх тооцоо бий. Түүнийг би талх, гурил, мах, цагаан архи гээд олон зүйл дээр тооцож үзсэн. Тэрхүү тооцоо­гоор аваад үзэхээр 50 төгрөг байсан түрүү бөхийн бай 50.000 төгрөг болох ёстой. Тэгвэл өнөөдөр түрүү бөх барилдааны зэрэглэлээс хамаарч 850 мянгаас хоёр сая төгрөг авч байна. Ханш уналтыг тооцоход бөхийн бай 17-40 дахин өсчээ. Энэ мэтээр дээр бичсэнээс өөр олон дэвшил монгол бөхөд гарсан. Тодруулбал ерэн оноос хойш 40 шинэ зүйлийг монгол бөхөд хийсэн юмаа, бид. Энэ тухай тусгай ном бий, түүнийг уншаасай гэж дүүд дахин дахин хүсье.

Бөхчүүдийн найрааны асууд­­­лыг бас л та хэдтэй холбо­дог доо?

-Эрхэм дүү ам нь халаад ирэхийнхээ үест “Найраа байсан, одоо ч байгаа, бөхийн нэр хүнд, монгол бөхийн үнэт зүйл хаачив, энэ бүхэнд МҮБХ буруутай” гэж ихээхэн уур хилэнтэй хэлж байна. Мэдэхгүй хүн харвал МҮБХ-г ха­рааж, Сумъяабазарыг шаг­шихаар. Бид 1990 оноос эхлэн дүрмээр, бөхчүүдийн ёс зүйгээр, ухамсраар найрааг арилгах гэж янз бүрээр оролдсон. Улсын цол­той 35-аас дээш насны бөх наа­дамд шөвгөр­вөл нэмэлт бай олгож үзлээ, цолны хишгийг улсад шөв­гөр­сөн амжил­тын олон цөөнийг нь харгалзан ялгавартай олгодог журам мөрд­лөө, алдрын залаа бий болгож, шөвгөрсөн амжилтыг нь олны нүднээ ил болгон суртал­чиллаа, сонин сэтгүүлээр, яриа таниулгаар ухууллаа, ятгалаа, үр дүн санасанд хүртэл гарсангүй. Иймээс 2002 онд ихээхэн дуулиан шуугиан тарьсан шинэчлэл хийж, цол олгодоггүй байсан зургаа ба наймын давааг цолтой болгож, ижил цолтны илүү амжилттайг нь түрүүлэн ам авдаг болгож, наад­мын дөрвийн давааг оноолтоор барилдуулсан суурь өөрчлөлт хийсэн. Уг шинэчлэл монгол бөхийг аварсан. Хавтгай найрааг 70-80 хувь бууруулж чадсан. Өмнө нь хэнийг цолонд хүргэхийг хэсэг хэсгээрээ нэгдсэн бөхчүүд цагаан сарын үеэс ярьж тохирон, наадам нэгийн даваанаас тусгай “зохиол”-оор явдаг жүжиг болсон байсан. Ийм байдлаар цолтон төрж ард түмэн бөхөө үзэхээ больж монгол бөх мөхлийн эрмэгт хүрээд байсан.

Одоо найраа 20-30 хувь байгааг бид хүлээн зөвшөөрдөг. Арилгах гурван арга бий. Үүний хоёрын тухай бишгүй ярьж, бичсэн дээ. Нэг нь бөхчүүд ухамсраараа болих, нөгөө нь төрийн хүчирхийлэл буюу хууль гаргаж хэрэглэх юм. Бөх­чүүдийн ухамсарт найдаад засрах­гүй нь харагдаж байна, 
бас хууль гаргах хялбар биш, тэгээд ч энэ асуудлыг хуулиар зохицуулах нь ёс суртахууны хувьд зохимжгүй. Иймээс гурав дахь аргыг хэрэглэх ёстой. Ирэх оноос ард түмэнтэйгээ хамтран хэрэгжүүлнэ гэж бодож байна. Эндээс мэдэгдэхүйц үр дүн гарна. Эрхэм дүү бөхчүүдэд хан­галттай мөнгө өгч мөнгөнд шунах­гүй болтол амьдралыг нь сайж­руулах замаар найрааг зогсооно гэснээ Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулж төрийн хүчирхийллээр зогсооно гэж өөрөө өөрийгөө үгүйсгэн хэлж байна. Бодит амьд­рал дээр амаараа хэлж байгаа тэр их мөнгийг чинь хаанаас олох билээ, тийм мөнгөтэй болголоо гэхэд найраа хийхгүй гэхийн ба­тал­гаа нь бас хаана байгаа билээ. Сумъяа аваргын барин тавин хэлж байгаа шиг нэг бөхөд дор хаяж 200-300 сая төгрөг өгөө­гүй­дээ МҮБХ буруутгах хэрэг үү. Ийн огт бод­ло­гогүй зоргоороо ярьж 
болохгүй
ээ. Харин түүнийхээ оронд уг асуудлыг хэрхэн шийдэх тухай тулхтай бо­дож үзэх ёстой. Ер нь тэгээд хүний шуналыг мөнгөөр хангаж 
дуусдаг­гүй юм. Давстай усыг уух тусам ам улам их цангахын адил шунал араас нь хөөцөлдөх дутам гүйцэг­дэш­гүй, барагдашгүй юм л даа. Сумъяабазар бөхийн холбооны ажлаас гэгээн юм олж харахгүй байгаа шигээ бас энэ үеийн бөх­чүү­дийг бүгдийг нь хавтгайруулан доромжилж байна.

Тийм үү, наад яриагаа жаа­хан дэлгэрүүлээч?

-Бөхчүүдийг удаан барилддаг, зугтахаас өөр барилдаан мэдэх­гүй, жудаггүй, бүгд найраа хийдэг, штангаас өөр юм хийдэггүй, 10 минут гүйгээд ир гэхэд чадах хүн нэг ч байхгүй, үүнийг би баттай батална зэргээр омогдлоо. Мөн их омогтой байна аа даа, аварга минь. Энэ зуурт хэлэхэд, омог бол өөрийгөө бусдаас илүү дээр гэж хөөрөн бодох буруу сэтгэл шүү дээ. Омогтой хүн бусдыг дандаа өөрөөсөө доош, муу гэж сэтгэн, юм болгонд дээрэнгүй муу сэтгэлээр хандан, өөрийнхөө буй байдлыг бусдаас илүү гэж үздэг. Омогт сэтгэлээс салахын тулд бусдыг өөрөөсөө илүү хэмээн сэтгэж, хүндэлж сурах нь чухал. Одооны зохих боловсролтой ихэнх бөхчүүд архи дарс, элдэв муу зуршлаас хол, олныхоо хайрыг даан 
сайхан барилдаж яваа бөгөөд залгамж үе нь хэдэн зуугаараа яралзан гарч ирж байгааг яагаад харахгүй, үнэлэх­гүй байна вэ. МҮБХ-ны ажил сайн яваа, монгол бөх, бөхчүүдийн нэр хүнд өндөр, ирээдүй нь гэрэл­тэй болохоор л залуус чөлөөт бөх рүү биш үндэсний бөх рүү хошуу­раад байгаа юм. Үүнийг чи буруу­гаар ойлгон МҮБХ чөлөөт бөхийн хөгжлийг тасалдуулж байна гэж хэлэв ээ дээ. Бид ч яахав, хүмүүс дүүг юу гэж ойлгох бол. Чамаар жишээд бөхчүүдийг юу гэж ойлгох бол гэхээс яс хавталзах юм.

Мөн “Бөөрөнхий байшин барих юу ч биш, түүнийг ард түмэн 10 төгрөгтэй нь таван төгрөгөө, хоёр хоньтой нь нэг хонио өгч байж босгосон, төр мөнгө өгсөн, малгай залаа, тэмдэг юу ч биш, ном бичих шинэчлэл биш, 10.000 бөх барил­дуу­лах юу ч биш, бөхийн өргөөг одоо хэдийг л бол хэдийг барина, бөхийн өргөөний тухай нухацтай ярина” хэмээн гараа савчин, ша­зуу­раа зуун, үзэн ядсан өнгөөр хэлж байна лээ. Энэ зүйлийн эхэнд ард түмний нэг болох заан цолтой ид барилдаж, мандаж байсан Сумъяабазар таван төгрөг ч өгөө­гүйг, 40 сая малтай монгол 20 сая малаа Бөхийн өргөөнд өргөөгүйг, улсын хэмжээгээр 526 хүн л хандив өргөснийг, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ард түмний хандивласан 200 хонийг сумын Засаг дарга Г.Батжаргал гэдэг хүн тууж ирж өгснийг, Хэнтий аймгийн Галшар сумаас хандивласан 16 адууг МҮБХ-ны ажилтан Ц.Үнэнбат очиж тууж ирснийг 
баримт түшин хэлье. Чи баахан доллар ярих дуртай болоо юу даа. Доллараас үнэ цэнэтэй зүйл 
байдаг юм шүү дээ. Ингэж их доллар ярьдаг хүн Бөхийн өргөөндөө таван төгрөг ч хандивлаагүйг, тийм сэтгэлгүйг би сая хэллээ. Нууцгүй үнэн 
ийм л байна. Ноднин бид 6016 бөх барил­дуулж монгол бөхөө дэлхийн дээд амжилтаар бүртгүүлж амжса­наараа бахархаж явдаг билээ. Аваргад маань олон бөх барил­дуулах амархан байгаа бол 
ирэх жил 20.000 бөх барилдуулаад дахин нэг дээд амжилт тогтоо­чихвол дэлхий бүр их гайхаж, монголчууд мөн ч их баярлана даа. Эрхэм дүү бас ном бичих юу ч биш, түүнийг ажил гэдэг юмуу гэж үзэн ядсан өнгөөр, ном бичдэг улс гомдмоор үг хэлж байна. Яаж ингэж болох вэ. Ном бичихийг ажил биш гэх нь алдас болохоор мунхаг зүйл биз дээ.

Та бид хоёрын яриаг уншсан олон хэтэрхий нэг талыг бариад байна уу даа гэж ойлгох вий. Гэхдээ Сумъяа аваргын мэдээ­лэлд хариу өгч буйг ойлгож байгаа болов уу. Одоо танаас допингийн талаар асууя. Юу гэж асууж буйг та гадарлаж л байгаа байх?  

-Эрхэм дүү биднийг “Бөхчүүдийг 
соён гэгээрүүлдэггүй, допингийн хор холбогдлыг хэлж өгдөггүй, та нар бөхчүүдээ анхаараач ээ, ажил­лаач ээ, яасан арилчихсан дотор­той улс вэ” гэж байна. Бид 2010 оныг “Бөхчүүдийн түгээмэл боловс­рол, соёлын жил” болгон зарлаж, энэ хүрээнд танин мэдэхүйн дөр­вөн цуврал ном гаргаж, барилдаж буй улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүддээ бүгдэд нь өгсөн. Боловсролоо түр хойш тавиад бөхийн бэлтгэлдээ хамаг анхаарлаа төвлөрүүлж байгаа залуус маань орчин үеийн шинж­лэх ухааны ололт, чиг хандлага, 
бурханы
дээдсийн
айлдвар,
нэрт хүмүүсийн сургаал, ахмад бөхчүү­дийн замнал, алдаа онооны сур­гамж, зөвлөгөө, допинг гэгч хорт бодисын хор хөнөөл зэргийн тухай энгийн ойлгомжтой өгүүлсэн ши­жир мэт зүйлүүд орсон эдгээр но­мыг уншиж байна. Үүнээс хэдэн жи­лийн өмнөөс их хамба Д.Чой­жамц, гавж Ё.Амгалан, А.Эйнштей­ний нэрэмжит шагналт, онолын физикч, шинжлэх ухааны доктор О.Лхагва, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, XX зууны манлай спортын зүтгэлтэн, МУСГЗ Р.Нямдорж, допингийн эсрэг үн­дэсний төвийн захирал асан док­тор О.Амарцэнгэл нараар дав­хард­сан тоогоор 3000 орчим бөхөд лекц уншуулсан билээ. МҮБХ-нд бусад урлаг, спортын салбараас давуутай нэг зүйл байдаг нь “Бөх” хэмээх 10 хоног дутам тогтмол гардаг өөрийн сонин юм.

Бид сониндоо ахмад сайхан бөхчүүд, ид барилдаж байгаа бөх­чүү­дийн ярилцлагаас гадна Мон­голын нэрт эрдэмтэд, урлаг соёлын томчуудын яриа хөөрөөг байнга нийтэлж бөхчүүддээ хүргэж байна. Энэ соён гэгээрлийн ажил биш үү. Харин миний дүү чөлөө­тийн бөх­чүүд­дээ, циркчиддээ хэн нэг хүнээр лекц уншуулсан уу. Ном, гарын авлага гар дээр нь тавьсан уу. “Допинг гэж юу вэ, түүнийг хориг­лохын учир”, “Допинг, түүнийг тойр­сон асуудлаар дахин өгүүлэх нь”, “Допинг: бөх, хууль, дүрэм, журам, сурталчилгаа, хариуцлага” гэсэн өгүүллүүдийг он дараалан “Бөх” сонинд 
нийтлүүлсээр
ирлээ. Ер нь допинг хортой тухай шөвгө­рөх анзаанд барилддаг 30 гаруй бөх байтугай жирийн ард иргэд ч мэдэ­хээр хугацаа өнгөрөөд байхад бөхөд допингийн хорыг нь ойлгуул­сангүй хэмээн допинг хэрэглэсэн бөхийн бурууг бусдаас хайж суух нь аливаа асуудлын голыг олж чаддаггүй хүний ааш авир юм.

Найраа хийж ард түмнийг доромжилсон хэмээн Дунд­го­вийн бөхчүүдийн цолыг хүчингүй болгосон. Гэтэл уг шийдвэрт аварга маань сэтгэл дундуур байгаа юм уу даа?

-Тийм юм шиг байна лаа. Ухаан­даа энэ тухай танай сонинд ярилцлага өгч, ингэж бүхэл бүтэн аймгийн ард түмнийг доромжилж болохгүй гэж хэлснийг буруу зүйл гэж байна. “Найраа байна, бөхийн нэр хүнд унаж байна, найрааг устгах ёстой, устгахгүй даанч яав даа” гээд байгаа мөртөө найраа хийсэн бөхчүүдийг өмөөрч байгаа нь цаанаа бөхийн холбоог муутгах гэснээс биш, тэднийгээ өмөөрөөд байгаа юм биш байна л даа. 
МҮБХ, түүний удирдлага, ажилт­нууд бөхөө хөгжүүлэхийн төлөө ажиллах, бөхчүүдийнхээ зөв сайн үйлсийг сурталчлах, алдаршуу­лахын зэрэгцээ болж бүтэхгүй байгаа, хууль дүрэм зөрчиж байгаа бөхчүүдэд 
арга хэмжээ авна, засаж залруулна, ийм ч үүрэгтэй. Тиймгүй бол МҮБХ байхын хэрэг юу байх билээ. Бөхчүүдийн шударга бус, жудаг зөрчсөн үйлдэлд цаашид ч хатуу хандах болно гэдгээ энэ дашрамд дуулгая. Ам нээвэл уушги нээ гэдэг. Тиймийн учир ярианыхаа төгсгөлд аатай омогтой аваргадаа хандаж хэд гурван үг хэлэхийг хүслээ. Би гэдэг хүн 30 гаруй ном бичиж хэвлүүлсний дотор дан бөхийн сэдвээр бичсэн долоон ном бий. Бусад нөхдийнхөө 30 шахам номыг редакторложээ. Номондоо бусад зохиогчдын адил монгол бөх, бөхчүүдийг магтсан байхаас гадна тэднийгээ хайрлах, хамгаа­лах сэтгэлээр ёс зүй, жудаг чанар, архи тамхи, допингийн тухай илүү­тэй бичсэн билээ. Монголд цор ганц байдаг “Бөх” гэдэг тэр найраг­лалыг ах нь бичсэн юм. Бөхчүүд цээжлээд уншиж явдаг юм билээ. Түүнд аавын чинь нэр бий. Миний дүү үг яриагаа жаахан бодолтой, хэнд юу хэлж буйгаа ойлгох хэрэг­тэй шүү.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Т.Мандир: Чингэсийн хөргийг зурахад зоригжуулсан хүн бол Дашийн Бямбасүрэн гуай шүү дээ

Зохиолч, сэтгүүлч, зураач Тангадын Мандиртай ярилцлаа. Эл эрхмийг бид Есүхэй баатар, Өүлэн эх, Ван хаан, Чингэс хаан, Жамуха, Хасар, Боорчи, Зэлмэ, Сүбээдэй тэргүүтМонголын нууц товчоо“-ны түүхэн дүрүүдийг хөрөглөсөн таталбараар нь мэдэх юм. Ерээд оны үед төвийн сонин хэвлэлд цувралаар нийтэлж байсан түүний түүхэн хөрөг зураг болоод бичил туурвилууд олны анхаарлыг ихээхэн татаж шуугиан дэгдээж байсан билээ. Тэрээр өдгөөгөөс хорин хоёр жилийн өмнөХорин нэгэн хөрөгнэрээр хэвлүүлж байсан бүтээлээ саяханХорин нэгэн зулнэртэйгээр дахин хэвлүүлсэн байна. Ингээд уг номын зохиогчтой ярилцсанаа хүргэе.

Таны хувьд хэдэн нас­наа­саа түүх сонирхож эхэл­сэн бол оо?

-Эхлээд
би гэдэг хүн ижий ааваа танилцуулаад авъя. Тэр нь зөв байх аа. Учир нь аав минь намайг түүхийн буу­рал жимээр бэдрэхэд анх уруу татаж “Монголын түүх бол их өөр шүү дээ, хүү минь. Чиний наад сургууль номдоо үзээд байгаа түүхээс өөр” гэж хэлсэн. Тийм болохоор би аавыгаа шүтдэг байхгүй юу. Манай аав (Рэнцэнгийн Тан­гад) чинь Ховд аймгийн Мян­гад сумын Өндөр Хөхий уулын өвөрт төрсөн хүн. Ээж (Пүрэвийн Бямба) болохоор Баянхонгор аймгийн Богд сумын Их Богд уулынх. Тэгэ­хээр хоёр их “уул”-ын дун­даас бүрэлдсэн хүү би Богд Дүнжингараваа л хормойдож тэртээ тавин нэгэн онд хатан Туулынхаа хөвөөнд төрсөн түүхтэй. Үйлдвэр комбинатын арваннаймдугаар сургуульд орлоо. Ангийн маань багш “цоохор” Жадамбаа гэж түү­хийн багш байж таарав. Жадам­баа багш аав хоёр түүхийн ном сольж уншина. Ер нь намайг багад манай­хаар түүхийн луугарууд ирдэг байв. Хоорондоо дандаа л түүх ярина. Бүр цуурч өгнө. Тэгэхдээ эсэргүү юм ярина. Социализмаа газар дор ор­тол муулна. “Энэ нийгэм огт биш ээ” гээд л эхэлдэг бай­лаа. Би бол яахав, арха­гуу­дын яриаг нэгд нэгэнгүй сонсч байгаа юм.

Тухайн цагт чинь мэ­дээж Чингэс хаанаа маг­тахгүй. Цаад архагууд чинь болохоор өөр өнцгөөс хар­даг байжээ?

-Чингэс
хаанаа яаж магтах билээ. Яагаад гэвэл ЗХУ-ын Коммунист нам манай хүнийг хэн ч биш болгочихсон юм чинь. Түүхийн багш нар, ту­хайн үеийн сэхээтнүүд Оро­сыг л аялдан дагана шүү дээ. Гэхдээ учир мэдэх, ухаандаа аав шиг минь хүмүүс бол гэр зуураа эзэн хаанаа тэнгэрт тултал, өнөөгийн өндөрлөгт байгаа шиг магтана. Ганц ч муу унагаахгүй. Ийм л хүмүү­сийн дунд, ийм л орчинд, ийм л түүхийн хүрээнд өссөн хүн юм, би. Тавдугаар ангид бай­хад аав надад гэрээр монгол бичиг заалаа. Гол учир нь сургуулийн түүхийн хичээлд бусдын адил толгойгоо мэдүүлэлгүй, Амар гуайн “Мон­го­лын түүх” номыг сай­тар уншуулахад л оршиж байсан хэрэг. Дараа нь “Нууц товчоо”-г хуучин эх дээр нь уншаад л Монголын түүх гэдэг байдаг юм байна, байх байх­даа арай өөр юм байна гэд­гийг мэдэрсээн. Түүх болоод уран зохиолын хичээлд боло­хоор Орос, Хятадын баатар, жанжингуудын тухай үзээд байдаг. Ингээд арван зургаан наснаас надад нэг бодол төрсөн юм.

Тэр маань…?

-Монголчууд бид эзэн Чин­­гэс хаанаа магтаж бол­дог­гүй юм байж. Гэтэл яах­лаа­раа Зэв, Зэлмэ, Боорчи Сүбээдэйгээ магтаж бол­дог­гүй юм гэсэн бодол л доо. Үндсэндээ арван хэдтэй хүүх­дийн оюун тархинд орж ирэ­хээр­гүй тийм эсэргүү бодол байхгүй юу. Ингэж л Монго­лын нууц товчооны түүхэн дүрүүдийн хөрөг зургийг мөнх­лөх, түүнээ тодотгосон бичил таталбарууд хийж эхэл­сэн юм. Жараад оны сүүлээр техникумд сурч ахуй­даа анхныхаа зохиолыг би­чиж эхэлсэн. Өнөө л Чингэс хаанаа, хэдэн өрлөг жан­жидыг нь бичихгүй юу. Уран сайхны аргаар бичиж байгаа юм л даа. Үргэлжилсэн үгийн зохиолын хэлбэрээр л тэрлэж байлаа. “Догшин Добуу” гэдэг роман туурвиж эхлэхэд ма­най найз нөхөд ойр дотны хүмүүс бүр гайхаад, цөхрөөд аргаа барсан л даа. Тэгээд надад “Чи ийм балай юм бичиж байгаад шоронд оров зэ” гэж хэлж байлаа. Гэхдээ тухайн романаа би одоо хэр нь дуусгаагүй байгаа л даа. Мөн Лавай дархан гэж хүний тухай би “Нөмгөн эр” гэсэн туурь бичсэн. Энэ ямар учир­тай вэ гэхээр эртний нийслэл Хархорумд байсан дархан хүн юм. Мань эр нэг удаа архи ууж ураг садандаа агсам та­виад бүс бүслэх эрхгүй бол­сон байдаг. Тиймийн учир би “нөмгөн эр” хэмээн тодот­госон хэрэг. Уг зохиолоороо Хархорум гэж эртний маш том нийслэл байсан юм шүү гэдгийг харуулах зорилготой. Наяад оны дундуур уг зохио­лыг “Утга зохиол, урлаг” со­нинд Санжийн Пүрэв гуай гаргаж өгч байлаа. Дараа нь телевизийн жүжиг ч болсон санагдана. “Нөмгөн эр”-ийн Лавай дарханд гавьяат жү­жиг­чин Ж.Сүххуяг тоглож бай­лаа даа.

ТаНууц товчоо“-ны түүхэн хүмүүсийн хөргийг зурж, бичил туур­вил­тай­гаар ерээд онд тухайн үеийнУлаанОдсонинд хэв­лүүлж байсан. Тэгэхээр эдгээр хүмүүсийн эх дү­рийг хэрхэн төсөөлж зурав гэдэг сонин байна. Уран сайхнаар сэтгэв үү, ямар нэгэн түүхийн улбаа энээ тэр нөлөөлөв үү?

-Түүхээ,
ялангуяа эх түүхээ маш их уншиж судалсан. Далаад оны эхэн үед номын санд бүтэн жилээр сууж Марко Пологийн аяны тэмдэглэлийг Дашдоржийн Нацагдоржийн хуучин бичигт буулгаснаар уншиж байлаа. Үндсэндээ эх хувиар нь гэсэн үг. За тэгээд Юань-Ши судар байна, “Юань улсын түүх” хэмээх 110 боть зохиол байна. Тэр бүг­дийг уншсаан. Түүх уншина гэдэг тухайн хүний ухаанаас шалтгаална. Зүгээр нэг но­мын хуудас үхэр хивж байгаа юм шиг уншихгүй. Дэвсгэр сайтай хүн түүхийн эх зохиолыг өөрөөр харж ун­шиж мэдэрдэг дээ. Би бол тэгж л уншсан байхгүй юу. Тэгээд л оюун тархиндаа огт өөрөөр сэтгэж эхэлсэн л дээ. Мөн надад байдаг нэг зүйл бол зураг зурах авьяас. Зургийн чиглэлээр ямар ч мэргэжил боловсрол эзэмшээгүй, сур­гууль соёл төгсөөгүй хэрнээ тийм нэг төрмөл авьяас надад хадгалагдаад байдаг. Бичил туурвилуудаа зурагжуулна, үндсэндээ өнөө л Чингэс хаанаа, өрлөг жанжидаа янз бүрээр зурдаг байлаа. Ийм л олон жилийн давтамж, түү­хийн улбаа, сурвалж бичгүүд дээр суурилсан уран сайхны аргаар зохиолынхоо баат­руудын эх дүрийг гаргасан юм. “Хорин нэгэн хөрөг” но­монд орсон бүтээлүүдийг хүмүүс дандаа хаадууд гэж ойлгоод байдаг. Хаадууд ч бий. Өөр хүмүүс ч бий. Ту­хайл­бал, Тататунгаа байна.

Тэгвэл Тататунгааг хэр­хэн зурснаа сонирхуулаач?

-Найманы
Тататунгаа гэ­дэг чинь “Нууц товчоо”-нд болохоор Даян хааны тамгыг өвөртөлж яваад баригдсан нэг өвгөний дүр байдаг. Үнэн чанартаа судар ном сугав­чилсан түшмэл байжээ. Энэ хүн Хэрэйд, Найман, Татар аймгуудын түүхийг багцалсан эрдэмт хүн. Түүний хөргийг бүтээх гэж он удаан хуга­цаанд бодсон. Тэгж тэгж на­дад Га багш (төрийн шагналт нэрт эрдэмтэн Шанжмятавын Гаадамба)-ийн дүр буугаад болдоггүй. Тататунгаа бол Га багш шиг бичгийн хүмүүн байсан байх гэж бодогдоод. Тэгээд л Га багшийн ерөнхий дүр төрхөөс ургуулж Даян хааны тамгыг өвөртөлж явсан нөхрийг зурсан даа.

-“Хөрөг“-ийн хэмээн то­дот­годог зураач Намхай­дагвын Орхоны Жамуха цэцэний нэг хөрөг бий дээ. Та мэдээж үзсэн байх. Түүн­тэй таны Жамухын хө­рөг хэр ойр бол?

-Би
Орхонтой уулзаж ойр дотно байдаггүй. Гэхдээ яагаад ч юм хөргүүд нь надад ойр санагддаг юм. Жамухын хөргийг би үзсэн л дээ. Би анх Жамухыг Тагна Соёнын ну­руунд байгаагаар зурсан хүн шүү дээ. Тийм дээ ч юм уу, миний хөрөгтэй их л ойрхон санагдсан.

-“Чингэс хаан болоод Өүлэн эх, Бөртэ, Мухулай нарын зургийг Өвөр Монго­лын зураач Сэцэн бүтээ­сэн. Тун содон сонин санаг­даж байлаа. Харин Манди­рын зургуудыг үзэхэд Сэцэн­гийн зургуудаас илүү бодитой, үнэмшилтэй бол­жээгэж түүхийн нэртэй эрдэмтэн Чулууны Далай гуай бичсэн байдаг. Тэрхүү тодорхойлолтыг та хэрхэн хүлээж авсан бэ?

-Ёстой
юм ёсоороо бол­лоо гэдэг шиг нэрт эрдэмтний тодорхойлолтыг байх ёстой юм гэж үзсэн шүү. Энэхүү түүхэн хөргүүдийг зураад, таталбаруудаа биччихээд өөртөө итгэдэггүй ээ. Нэг бол түүхэнд үлдэхүйц одоогийн хэллэгээр сонгодог бүтээл хийчихсэн юм шиг, эс бөгөөс хэнд ч хэрэггүй юм хийчихсэн шиг санагдаад түүхийн эр­дэм­тэдтэй уулзъя гэж бод­лоо. Ингээд Түүхийн хүрээ­лэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Х.Лхагвасүрэн дээ­рээ очлоо. Одоогийн “Чингэс хаан” дээд сургуулийн захи­рал шүү дээ. Лхагваа дүүд үзүүлтэл үгүй ээ мөн их баяр­лаж байна аа. Зургуудыг да­хин дахин үзээд л. Өнөө туур­вилуудыг чинь нэгд нэгэнгүй уншаад л. Тэгээд намайг Сэр-Оджав гуайтай уул­зуул­лаа, Гүнжийн Сүхбаатар гуай, Наваан гуай Баяр гуай гээд аваргуудтай уулзлаа. Тэд чинь намайг хүрээлэнгийнхээ тэр бүр хүнд үзүүлээд байдаг­гүй ховор үзмэрүүдийг үзүүл­лээ. Эртний хаадуудын мал­гай сэлтийг тэнд үзэж зургууд минь улам л үнэмшилтэй бодитой болсон л доо.

Өүлэн эхийг, Чингэс хааныг зурснаа сонир­хуу­лахгүй юу?

-Өүлэн
эхийг би их зовсон хүн гэж ойлгодог. Түүхийн болоод амьдралын үнэн бол тэр шүү дээ. Тэмүүжин, Хасар хоёр хоорондоо сөргөж мар­га­хад, Бэгтэр Бэлгүдэй нар­тай мөн л маргаж нэгийгээ хөнөөхөд хэн зовох юм, Өүлэн эх л зовно. Тэгэхээр зовсон эхийн дүр бууна, мөн Монгол Улсыг босголцсон хатан ухаант эх шүү гэхээр бас нэг өөр зүйл мэдрэгдэнэ. Энэ хоёрын дундуур л зурж байгаа юм. Чингэс хааны эх зургийг бол монгол хүн анх зурсан шүү дээ. Тайванийн иш хөрөг бий. Манайхан мэднэ дээ, Хубилай хаан өвөөгийнхөө дүрийг өөрөө үзүүлж байж Хар хасун гэж хүнээр зуруулсан байдаг. Уг иш хөргөөс зураач, барималч уран бүтээлчид эзэн хааны­хаа хөргийн эх загварыг авч зурсан нь бий.

Та бас тэрхүү иш хөр­гөөс санаагаа ургуулсан уу?

-Би
аваагүй юм. На­дад бол өөрийн гэх нэг сонин санаа бий л дээ. Тэмүүжин Хэнтийн Дэлүүн Болдогт ч, Дадал, Биндэр ч хаана төр­сөн байх нь хамаагүй. Ямар ч байсан хөвчид төрсөн гэдэг нь ойлгогдоод байдаг. Хөвчид төрсөн хүн бол сахал нь тачир сийрэг байх учиртай. Тэгэхээр нэг их урт буурал сахалгүй байсан болов уу гэж бодогддог. Энэхүү бодлынхоо үндэс суурь дээр тулгуурлаж эзэн хаанаа зурсан. Тэгээд ч намайг эзэн хааныхаа хөр­гийг анх зурахад зоригжуулж, дотоод хүчийг минь нэмсэн хүн бол Дашийн Бямбасүрэн гуай шүү дээ.

Өө тийм үү. Бямба­сүрэн гуай бол Базарын Цэдэндамба гуайн хэлд­гээр Чингэс хаантай нэг багийн хүн дээ?

-Тийм
ээ, нэг нутгийн хүн. Миний бие ерэн хоёр онд уран бүтээлийн шавь Чимэд­бальдарын Дунгарын хамт хаадын хөргөөр үзэсгэлэн гаргалаа. Цэргийн музейд үзэсгэлэнгээ гаргахдаа Бям­ба­сүрэн гуайд хэлсэн юм. Манай хүн тэгэхэд Ерөнхий сайдын ажлаа дөнгөж хү­лээл­гэж өгөөд байлаа л даа. Ингээд Бямбасүрэн гуай ирж үзэсгэлэнг үзээд надад хоёр зүйл хэлсэн юм. Эхнийх нь “Чамтай би санал нэг байна аа. Чингэс хаан бол яалт ч үгүй хөвчид төрсөн хүн дээ” гэв. Дараа нь “Чингэсийн онгон олдохгүй ээ. Оросууд ачаад явчихсан” гэдэг юм. Үүнийг одоо сонин хэвлэлээр зарлаж болж байна уу, үгүй юу. Ямар ч байсан Бямба­сүрэн гуай тэгж хэлж байсан удаатай.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.БАТЦЭНГЭЛ: Яруу найраг бол хүмүүний сэтгэлийн ертөнц дэх баяр хөөр, уй гунигийн бичээс шүү дээ

Монголын зохиолч­дын эвлэлийн болон Ч.Лхам­­сүрэнгийн нэ­рэм­­жит шагналт яруу
най­рагч Лхагва­с
ү­рэн­гийн
Бат­цэнгэлтэй ярилц­лаа. Тэрээр “Ми­ний элсэн цаг” хэмээх яруу найргийн шинэлэг
б
үтээлээ саяхан
хэв­л
үү­лээд
байгаа юм. Уг номын баяр “Интер­ном” номын их дэл­г
үүрт өнөө­дөр болно. Д.Энх­болд­баатар, Нам­барын
П
ү­рэв, Эмүү­жин, Цэндийн Дорж­сэм­бэ, Д.Ган-Очир
нартай ерээд оны дунд
үеэс
Монголын утга зо­хиолд  х
өл тавьсан түү­­нийг Тангадын Гал­сан, Очирбатын
Даш­бал­бар нар тосч авсан байдаг ш
үү.
“Миний эл­сэн цаг” бол Л.Бат­цэнгэл найраг­чийн тав дахь б
үтээл юм. Өмнө нь “Бүсгүй цэнхэр сал­хи” (2004 он), “Сэтгэл
минь тэнгэрийн уяхан шат” (2006), “З
үрх сэтгэ­лээ нэгжнэм” (2008), “Өр зүрхний хавар” бүтээ­лүү­дээ хэвлүүлж байсан. Мөн яруу найргаас гадна сэтгүүл зүйн талбарт хүчээ сорьж аян замын тэмдэглэл,
олон арван ярилцлага, х
өрөг нийт­лэл, эсээ тэм­дэг­лэ­лийг
Өдрийн сонин”-доо
хэвл
үүлснийг
ун­шигч т
үмэн
мэдэх билээ.   

Яруу найргийн тань шинэхэн бүтээл олны хүр­­тээл бол­лоо. Уран бү­тээ­лийн ганзага дүү­рэн хал­гиж, цалгиж л явна уу?

-Яруу
найрагч уран бүтээлчдэд л олддог баяр хөөрийг мэдрээд сайхан л явна. “Миний элсэн цаг” уран бүтээлийн минь тав дахь ном. “Бадрангуй сэт­гэ­лийн бадагс”, “Нутгаа санахын өвчин”, “Итгэл, хайр, хүлээлт… Энэ: Ми­ний элсэн цаг”, “Ерээд оны нимгэн дэвтрүүдээс” тэргүүт зургаан бүлэгтэй. Эх орон, ус нутгийнхаа тухай омог бардам шүл­гүүд, мөн хайр, итгэл, орь ганцаардал, уй гунигийн бадгууд, ерээд оны ахуй үе анд нөхдөө үгүйлсэн санаашрал зэрэг цөм багт­сан ийм л ном бол­лоо. Монгол Улсын тө­рийн шагналт яруу най­рагч, зохиолч Пүрэв­жа­вын Пүрэвсүрэн ах номыг минь ариутган шүүж, анхны уншигч нь болсон. Өөрөө хэдий хэвтэрт бай­гаа ч “Ах нь шүлгүүдийг чинь нэг хармаар байна” хэмээн хэлж санаа оноо­гоо нэмэрлэн, “Нутгаа санахын өвчин” бүлэг туурвилыг нулимстай унш­санд нь ихэд баярлаж байна аа. 

Таны анхны номБүс­­гүй цэнхэр салхи“. Хоёр мянган оны эхээр хэв­лэг­дэж байсан. Уг но­мын өмнөтгөлийг Тан­гадын Галсан багш тань бичсэн бай­­даг. Ингэхэд их утга зо­хиолын ер­төн­цөд хөл тавьж, но­мын багш нар­тай­гаа хэрхэн учирснаа ярихгүй юу?

-Миний
бие ерэн хоёр онд Баянхонгор аймгийн Заг сумандаа арван жи­лийн сургуулиа дүүргээд хөдөө малчин болсон. “Дипломгүй, зангиагүй сэхээтэн болно оо” гээд хөдөө гарсан байдаг. Мөн өвчтэй амьтан шүү. Тэгтэл тухайн жил Баянхонгор аймаг зудлаад байдаггүй ээ, хэдэн малаа тавиад туучихсан. Ингээд зангиа­гүй сэхээтэн болно гэдэг өнгөрч байгаа юм. Тухайн үед Галсан багш руугаа хэдэн халтар шүл­гээ за­хид­лын хамт дай­сан түүх­тэй. Бас болоо­гүй ээ, тэд­гээр халтар “юм”-нуудын ихэнх нь хай­рын шүлэг гэж байгаа. Тэгтэл багш маань хөдөөх товари­щийн бүтээл гэж гололгүй өмнөтгөл үг би­чээд ту­хайн үеийн “Хөдөл­мөр” сонинд гаргачихсан байж билээ. Тэгээд ерэн дөр­вөн онд аймгийн ойгоор очихдоо намайг хүн амьт­наас сурч байж уулзаад өнөөх сониноо өглөө. Миний баярлах, гайхах, айх, эргэлзэх зэ­рэгц­сэн нь мэдээж. Ингэж л багш­тай­гаа учирсан. Багш бид хоёр чинь Заг, Байд­рагийн Хүрэн бэл­чирийн найрагчид шүү дээ.

С.Жамъянгаравын нэрэмжит Дорно да­хи­ны сургуулийг төг­сөгч­дийн нэг бол өөрөө. Уг сургуульд ирээд Очир­батын Даш­бал­бар багш­тай­гаа учирсан нь мэ­дээж. Оюутан ахуй ца­гийн дурсам­жаа­саа ху­ваал­цахгүй юу?

-Галсан
багшийн л буян. Мань хүн хөдөөний малчин эрийг хотод ав­чир­сан. “Утга зохиолын ямар нэгэн сургуульд ча­майг оруулмаар байна. Харин чи сургуулиа сон­го. Би оруулахыг нь ха­риу­­цъя” гэж билээ. Ингэж л би чинь Тангадын Гал­сан гэж аварга том уулын хормойноос зуурч их хотын бараа харж, ул­маар утга зохиолын гэ­рэлт ертөнцөд хөл алхсан азтай хүн дээ. Тэгээд л С.Жамъянгаравын нэ­рэм­жит Дорно дахины сургуулийн босго алхсан. Тэнд Очирбатын Даш­бал­бар багш минь ха­луун сэтгэлээр угтаж ав­сан. Шанжмятавын Гаа­дамба агсан, Шаравын Сүрэн­жав гуай, төвд хэл­ний Лхамсүрэнгийн Хү­рэл­­баа­тар багш, гавж Шаг­­­дар­сүрэнгийн Сонин­баяр гуай, доктор Чойсү­рэнгийн Дагвадорж гээд ханайсан амьтад, эрдэм оюуны нэвтэрхий толь, уулс тосч авсаан. Балбар багштайгаа эхний хоёр жил ойр дотно байгаагүй ээ. Уул нь бол ойр байгаа. Ухаандаа, бид баг­шийн­даа очно. Үймэлдэж шуу­гил­дана, шүлэг зохио­лоо уншина. Багшийн охин, манай нэртэй нийт­лэлч­дийн нэг Мөнгөндалай манай анги байсан ч бо­лоод тэр үү, багшийнхаар их очдог байж билээ. Гэх­дээ би гэдэг хүн баг­шаа­саа айна, сүрдэнэ. Оюут­ны эхний хоёр жилд ба­раг л зугтах нь холгүй явсан. Харин сургуулиа төгсөх жил багш маань миний дипломын ажлыг удирдаж, “Сэтгэлийн ариун сүмдээ залбирсан найрагч” хэмээн бичиж байлаа. Багш тэр үед Их хурлын гишүүн байсан.

Багшийн тань бич­сэнийгБүсгүй цэн­хэр салхиномноос тань уншиж байсан юм бай­на?

-“Орчлонгийн цэнхэр хавар шиг охидын тухай бичдэг энэ хөвгүүн өөрий­гөө “цагийн боол” хэмээн гүн ухааны үүднээс зөв ойлгож, амьдрахуйн үнэ­нийг эгэл боргил хоо­лой­гоор эр бор харцага шиг өгүүлж байна. Тансагхан бичлэгтэй хөдөөний эр “хувь заяа минь ариун тэнгэрийн эрхшээл” гэж ухааран, “хундага дарс­наас үнэгүй энэхэн амьд­ралаа бодохоор хув­хай мөчир дээр жиргэх өнчин болжмор шиг хөөрхий дөө” гэж дуун алджээ. “Цэцгийн сүрчиг анхи­луул­сан хаврын салхи”-ны сайхныг мэдэрч, “Ил­бийн хоосон чамайгаа үнсэж чадахгүй минь хөөр­хий дөө” хэмээн гуниг­лаж, “живаа живаа жилийн ариун гунигийн тодруулж”, “уйлж үзээгүй хүн нулимсны амт мэд­дэггүй” тухай өгүүлж энэ найрагч хүүг төгсгөж буй­даа Жамьянгаравын нэ­рэм­жит утга зохиолын сургууль баярлах ёстой” хэмээн халуун дотноор бичсэнийг хааяа уншаад нулимс гардаг.

Балбар найрагчийг та бол эртнээс мэд­нэ биз дээ?

-Өө
мэдэлгүй яахав. Би чинь хөдөө малын захад Хонгор нутгийнхаа аараг толгодын дунд явах­даа тухайн үед хэв­лэгд­сэн бүхий л номыг элгийг нь элтэл уншиж байлаа. Шүлэг найргаар өвчилж явсан үе минь тэндээс эхтэй. Тийм ахуй цагтаа Балбар баг­шийн­хан “Оддын аялгуу”, “Зүүд­ний мөнгөн шувуу”, “Бурхны мэл­мий” гээд л номуудыг нь уншиж бус­дын адил би­ширч бай­лаа. Балбар багшийн шүл­гүүд Мон­голын утга зохиолыг наяад оны эхэн үед үнэн­дээ сэрээсэн шүү. За тэ­гээд “Мөнхийн бүтээл мөх­лийн ирмэгт”, “Номон дээр гишгэсэн алдас” гээд нийтлэлүүд нь байна. Нэг хөгтэй зүйлийн тухай хэ­лэ­хэд, багшийнхаа номыг өвөртөлчихсөн эмнэг үрээ­тэй шуугьж явлаа. Гэтэл өврөөс ном унаад өнөө үрээ чинь гэнэт бул­гиад шидчихэж билээ. Тэгэхээр миний бие эр­дэм номын өргөөнд ч, эмнэг хангалын нуруун дээр Дашбалбар баг­шийн­хаа номнуудыг ун­шиж явж дээ.   

Таны шүлгүүдээс бадрангуй өнгө аяс мэд­рэгддэг. “Манай Бат­цэнгэл бол ха­луун сэтгэлтэй омог бардам найрагч даахэмээн үзэг нэгт нө­хөд чинь үнэлдэг. “Тэнгэрт өргөх шү­лэгтэргүүт бүтээ­лүү­­дийг чинь унши­хуйд яалт ч үгүй тийм бодол төрөх нь бий. Мөн ган­цаар­дал ганихралын, уй гуни­гийн өнгө аяс ч мэд­рэгд­дэг. Тэгэхээр өөрийнхөө яруу найр­­гийн өнгийг то­дор­­хой­лооч?

-Яруу
найраг бол хү­мүү­ний сэтгэлийн ертөнц дэх баяр хөөр, догдлол, уй гунигийг багтаасан зүрхний бичээс шүү дээ. Тэгэхээр дотоод ахуй эд­гээр хувиралтын аль аль нь л миний шүлгэнд бий. Сүүлийн бүтээлд маань ч омог бардамнал хийгээд уй гуниг, ганцаардал зэ­рэг­цэж л байна. “Яруу найраг бол уйтгар гуни­гийн дурсамж” гэж Сергей Есенин нэгэнтээ хэлсэн байдаг. Тэгэхээр уйтгар гунигийн дурсамж хүнд сэтгэлийн гэгээ гэрлийг хайрладаг болов уу. Наа­наа шаналалтай, гуниг­тай юм шиг хэрнээ цаад мөн чанартаа хүмүүний орчлонгийн гэгээ гэрлийг л дуулж яваа хүмүүс шүү дээ, энэ найрагчид чинь. Түүнээс хэзээ ч үхэл хага­цал, өш хонзонгийн тухай бичдэггүй л байхгүй юу. Энэхэн амьдралын юунд ч болов ан цав үүсэхэд хамгийн түрүүнд яруу най­раг­чийн зүрхэн дун­дуур туучиж өнгөрдөг. Тиймийн учир л хөн­дүүр­хэн зүрхнийхээ уянгаар шүлгээ бичээд байдаг юм. Би тэдний л нэг. Цаг хуга­цааны хар цагааныг үнэн мөнөөр нь дэвтэрлэж л явна.

-“Сэтгэл минь тэнгэ­рийн уяхан шат“, “Өр зүрхний хаваряруу найргийн шилдэг бү­тээ­­лүү­дээрээ МЗЭийн шаг­нал, Буриа­дын УлаанҮдэд бол­­сон Нам­жил Ним­буе­вын нэ­рэм­жит олон ул­сын яруу найр­гийн наа­дамд дэд байрын шаг­­нал хүртсэн гээд ам­жил­туудыг тань мэдэх юм аа. ХаринМиний элсэн цагномын шүл­гүү­дээс со­нирх­моор бай­на л даа?

-Номоо
нэрлэсэн шүл­­­гийг минь хүмүүс со­нир­хоод байгаа. Түүнээ уншъя.

Итгэл, хайр, хүлээлт

Энэ гурван үг

Элгээ эгштэл санагалзсан

Энхрий түүнтэй минь учруулах

Элсэн цаг юм

Цаг хугацааны далавч

Цадиггүй бардмаар дэвсээр

Арав, хорь, зуун түмэн жил

Алсарч хулжлаа ч гэсэн

Элсэн цагаа эвдэлгүйгээр

Эндээс явна би“. Ийм нэг богино шүлэг юм.

-“Монголын мөнгөн үеийн яруу найрагбо­тид таны шүлгүүд ор­сон. “Ми­ний элсэн цагномноосМонголын мөн­гөн үеийн яруу най­раг ботийн хав­тас­наа ижийдээ бичсэн шү­лэг“-ийг тань олж унш­лаа. Эхний мөрүүдээс тань хараад л жинхэнэ яруу найрагч л ингэж бич­нэ дээ гэсэн бодол төрснөө нуух юун?

-“Гуч хүрээ ч үгүй байж

Гуниглаж юунд сурав даа

Орчлонг огоорно гэж зовлон үүрч

Од хийморио гундааж явна даа гэж

Эжий минь та санаж суугаа

Эвий муу хүү минь гэж шаналж суугаа

Ялгуун цагаан сарны дор

Яруу найрагч хүн гуниглаж суудаг

Яахын аргагүй эхийн цагаан сүүнээс

Яргаж ургасан үндэс учраас тэр дээ

Гуниглаж орчлонг хайрладаг энэ цөөхөн хүмүүс

Гундаж шанданхан, мандаж бадранхан

Эхнэртээ хаягдаж, элдвийг үзэвч

Ээж та нарыгаа л бурхан гэдгээ мартахгүй ээ…” гэж бий дээ. Ингэхэд хүүгийнхээ номын баярт оролцоор ижий минь Баян­хонгороос ирээд бай­гаа. Мөн хоёр охин минь ирнэ. Ах нь хоёр охиныхоо ээжид зориулж “Зүрх сэтгэлээ нэгжнэм” хэмээх яруу гунигийн дурсамж хэвлүүлсэн шүү дээ. За тэгээд номын баярт утга зохиолын хү­рээ­нийхэн мэдээж ирнэ. Мөн дизайнер Чойжил­сүрэнгийн Ууганбаяр, зу­раач Мягмарын Амархүү, “Мөнхийн үсэг” группын хамт олон ирнэ. Эдгээр эрхмүүд миний номыг бүтээлц­сэн хүмүүс ээ.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол туургатны шагнал бий болгоё

-МОНГОЛ ТУУРГАТНЫ БӨХИЙН НААДМААС ҮҮДСЭН ЭРГЭЦҮҮЛЭЛ-

Дэлхийн монголчуудын үндэсний бөхийн холбооноос монгол туургатны бөхийн наадмыг өнөө жил тав дахь удаагаа зохион байгуулав даа. Элэг нэгтэн монгол ахан дүүс минь уулзан учирч, зүс царайгаа харалцан, бөхөө барилдуулж, уртын дуугаа шуранхайлуулсан шигээ хуу­чилж суулаа. Ямар бахтай байв аа. Алтайн хязгаар, Халимаг, Тува, Буриад, Өм­нөд Монголоос монгол туур­гатны наадамд зорьж ирсэн олноо хараад элэг бүлээсэх шиг болсон шүү. Он жилээр уулзаагүй садан төр­лүүд нэ­гэн дор цугласан юм шиг хөл хөөрцөг болохуйг харахад өөрийн эрхгүй бах­дал төрж омогшил бадраад ирж байгаа юм.

Манайхны хэлдгээр цээ­жээд нэг юм өгсөөд ирсэн. Ингэж л монголчуудыг огшоо­сон наадам болсон билээ. Үүгээрээ уг наадмын үнэ цэн, утга учир, мөн чанар нь мэд­рэгдэж байгаа юм. Монгол­чууд юуны түрүүнд бөхөө дагаж нэгдэнэ гэдгийг зо­хион байгуулагчид нь, Өмнөд Монголын Журамт эд нар маань ойлгосон байна. Зөв л дөө. Монгол туургатны бө­хийн барилдааныг зохион байгуулж, Монгол, Алтайн хязгаар, Буриад, Халимаг, Тува, Өмнөд Монголын идэр­мэг эрчүүд бөхийнхөө дэв­жээн дээр гар зөрнө гэдэг сайхан. Энэ бол товчхондоо, монгол хэмээх хийморь лун­даа нь багтаж ядсан, хүсэл тэмүүлэл нь бусдыгаа цаг үргэлж манлайлж байдаг тар­хиндаа, зүрхэндээ галтай бадарч явдаг үндэстний нэг­дэхийн илэрхийлэл билээ.

Тэгэхээр цаанаа ихээхэн утга учир агуулсан монгол туургатны бөхийн наадмыг бид дэмжих учиртай юм аа. Бүр бодлогоор дэмжих ёстой. Нэгдэхийн илэрхийлэл гэдэг утгаар нь шүү дээ. Түүхийн буурал улбаанд дэлхий да­хинд Монгол шиг олон за­дарч, бутарч, цацсан шагай шиг талаар нэг сарнисан улс үндэстэн байхгүй. Найман зууны тэртээх эзэн хааны өлгий гэж бид ярьдаг, бахад­даг. Гэвч долоон зуун жил задарсан улс гүрэн шүү дээ. Их өвгийг, шар сахалтай тэр өвгөнийг өнгөрснөөс хойш л монгол туургатан задарч эхэл­сэн юм. Эрхбиш өвгө­нөөс хойш инерциэрээ хоёр зуун жил болсон. Тэгээд л аргагүйн эрхэнд бутарсан байдаг. Өнөөдөр дэлхий да­хинд Монголиад ястан хүртэл байдгийн гол учир нь ийм юм. Тэгвэл одоо бид нэгдэх учир­тай. Нэгдэх цаг маань хэдийнэ болжээ гэдгийг монгол үн­дэстэн бүрийн сэтгэл зүрхний дуудлага хэлээд байна. Зад­ралын туйл гэж байдаг бол түүнд хүрчээ. Задралын туйлд хүрсэн улс гүрэн хүссэн ч, эс хүссэн ч эргээд нэгддэг нь ертөнцийн жам юм. Тэлэлт дуусахаар буцаад агшдаг байгалийн хууль бий шүү дээ. Тийм л жам, бичигдээгүй хуу­ль элэг нэгтэн монголчуудыг минь нэгтгэх хувь заяаны тохиол бүрджээ, янз нь.

Өнгөрөгч жил Эрх чө­лөө­ний хувьсгалын зуун жилийн ойгоор Монгол Улсын Ерөн­хийлөгч Цахиагийн Элбэг­дорж дэлхийн өнцөг булан бүрт аж төрж, Монголынхоо хөх тэнгэр, хатан Туулынхаа усыг санагалзан, өвөг дээд­сийнхээ өлгий нутгийг чин зүрхнээсээ үгүйлэн байгаа монгол үндэстэн ахан дүүсээ эх орондоо ирэхийг уриал­сан. Монгол төрийн тэргүүний тэрхүү уриалга “Монгол эх орон минь” гэхээр л хоёр нүднийх нь нулимс сувдраад, харийн нутагт төрж өсч буй хөх нуруут үрсээ эцэг өвгөд элэнц хуланцынхаа нутагт дагуулан очихсон, тэгвэл амьд яваагийн хэрэг бүтнэ хэ­мээн сүсэлж суудаг олны голыг нь гогдох шиг, ирээдүйг нь гэрэлтүүлэн гийгүүлэх шиг болсон биз ээ. Үнэндээ мон­гол үндэстэн өнөөдөр хэл соёл, өв уламжлалаараа ба­хархдаг, монголоороо сэтгэж, монголоороо аж төрдөг бай­маар байна. Монгол туургат­ны гал голомт яахын аргагүй Монгол Улс билээ. Тулганд нь хөх галын дөл бадарсан туур­га тусгаар улс гүрэн нь байхад дэлхийн монголчууд минь юугаар дутах вэ дээ. Туулаад очих газаргүй, тү­шээд авах төргүй байгаа биш дээ. Үндсэндээ нэгдэн нийлж гал голомтоо бадраах улс гүрнийг шинээр байгуулах гэж байгаа биш. Монголын өргөн уудам нутаг энэхэн замбуу тивийн аль чиг бөөрөн дээр нь аж төрж буй бүхий л үн­дэст­нээ элбэгхэн багтаана. Дэл­хийн монголчуудыг бай­тугай дэлхий дахиныг тэжээж бай­на шүү дээ, энэ Монгол чинь.

Дэлхий хэмээх дэлгэсэн эсгий дээгүүр цацсан шагай шиг бутарсан үндэстэн одоо л  нэгдмээр байна аа. Үүний гол эхлэл нь Монгол үндэст­ний бөхийн барилдаан бол­лоо шүү дээ. Одоо бид цааш­даа яах вэ гэхээр Монгол үндэстний бөхийн наадам хийдэг шигээ морин хуурч­дын, уртын дуучдын, хөө­мийч­дийн, хөгжмийн зо­хиолч­­дын, яруу най­рагчдын наадмыг хиймээр байна. Мэ­дээж монгол туур­гатны гэсэн нэрийн дор шүү дээ. Ингэж соёл урлагаараа дагнан ганц хоёр жилийг ардаа үдэж, ухаандаа урлаг соёлоороо нэгдсэний дараа шинжлэх ухааны талбарт нэгэн цөм болох нь зүйн хэрэг. Нарийн мэр­гэжлийн, шинэ санаа, нээл­тийн томоохон тэмцээн урал­дааныг Мон­голдоо хийх ёс­той. Үндсэндээ шинжлэх ухаан, техник тех­нологи, на­рийн мэргэжил рүү бид гур­валсан морин тэрэг гэдэг шиг улс үндэстнээрээ орох хэрэг­тэй. Энэ маань юу вэ гэхээр, Монгол туургатны компью­терч­дын, програм­мистуудын, шатарчдын их наадам зэр­гийг зохион байгуулж, оюун ухааны талбарт мандаж дэлхийд гайхагдмаар байна шүү дээ. Жил бүр бөхийн наадам нэ­рээр хэдэн бөхчүүдээ барил­дуулаад түүндээ хамаг ан­хаарлаа, хүчээ тавиад байх биш. Бүхий л талбарт ингэж шат дараа­лалтай тэмцээн уралдаанууд элэг нэгтнүү­дийнхээ дунд хийж давалгаа үүсгэх цаг нь болжээ. 

Мөн Монгол туургатны шагнал гэж чанар чансаа, нэр хүнд бүхий л зүйлээрээ дана­гар том шагналыг бий бол­гохсон гэж бодох юм. Дэлхий дахинд урьд өмнө нь байгаа­гүй шинэ нээлт хийсэн, орчин цагийн шинжлэх ухаанд онц­гой гавьяа байгуулсан, авьяас билэг, алдар суугаараа то­войн тодорсон монгол хүн, монгол үндэстэнд олгодог тийм л шагнал. Нобелийн шагнал гэдэг шиг тийм өргөн цараатай, нэр хүндтэй шаг­налыг бий болгох нь зүйтэй болов уу. Яг ямар шалгуураар хэрхэн олгож байх талаар манай сэтгэгчид байр сууриа илэрхийлэхийг сэтгүүлч ми­ний бие хүсч буйгаа энэ даш­рамд дуулгая. Д.Урианхай, Баабар, Б.Цэнддоо, Дашийн Бямбасүрэн, Н.Жан­цан­но­ров, Лувсандамбын Дашням, Дашлхүмбийн Гал­баатар, Г.Аюурзана, Дара­мын Бат­баяр, Сорогдогийн Энхбаяр нарын сэтгэгчдэд дуулгаж байна аа. Уг шагнал болоод түүнийг тойрсон үйл явдалд дэлхийн бүх л монгол туур­гатан, улс үндэстэн хүссэн хүсээгүй анхаарлаа хан­дуулна шүү дээ.

Монголчуудыг хоорондоо эв түнжин муутай байхыг дэлхийн улс орнууд яагаад ч юм хүсээд байх шиг санагд­даг. Тэдний хүслийг биелүү­лэх мэт монголчууд бид хоо­рондоо дэндүү хагаралтай, хэн нэгнээ магтан мандуулж чаддаггүй, авьяастай нэг­нийхээ авьяас билгийг бах­даж, амжилт бүтээлээр нь бахархаж чаддаггүй. Сэтгэл­гээний хувьд дэндүү ядмаг. Улс үндэстэн, элэг нэгтнээ хүлээж авахдаа ч тиймхэн. Яагаав, хэзээний билээ дээ, цагаан сарын барилдаанд Тувагийн Мангуш ирж зо­доглоход юу боллоо доо. Бид тийм л жижиг хүмүүс шүү дээ. Тэгэхээр одоо ийм зангаа болих хэрэгтэй. Үүнд нэг зүй­лийг тодотгож хэлэхэд, мон­гол хүмүүсийг хоорондоо хэ­рэлдэхийг хориглосон, мон­голчуудыг настнаа хүнд­лэ­хийг эрхэмлэсэн хууль гар­гамаар байна. Биесээ хүнд­лээ­гүй нэгнийг нь шийтгэдэг хуультай болмоор байна. Ахмад наст­нууд нь тухайн өндөрлөгт хүрсэн шигээ ха­найж байх хэрэгтэй. “Би Мон­голын оюун санаа, зан зан­шил, өв соё­лын нэгэн том илэрхийлэл шүү дээ” гэж боддог байх учиртай юм. Тэ­гэхгүй юмны түрүүнд л шөвөл­зөөд уурлаж уцаарлаад, улс төржиж нам­чирхаад, талцаж хэрэлдээд байвал юу болох вэ. Үүнийг л зохицуулдаг хуультай боло­хыг сануулаад байгаа хэрэг ээ. Монголчууд эв нэгдэлтэй, нэгэн цул болж байж хүндийн жингээ улам нэмнэ. Хүндийн жин нэмэгдэх тусам дэлхийн татах хүч нэмэгддэг. Энгий­нээр хэлэх юм бол монгол туургатан дэлхийн улс орнуу­дыг нэг л өдөр соронзон гүр адил татна шүү дээ. Оюун санаагаараа ч, эрдэм мэдлэг, авьяас билгээрээ ч байлдан дагуулна. Тэгэхээр бүгдээрээ Монгол Улсынхаа сүр хүчийг дээшлүүлье. Үүнийг дээш­лүүлэхийн тулд бид эвлэлдэн нэгдэж, хүчээ нэгтгэж, нягт болох зайлшгүй шаардлага­тай байна л даа. Монгол туур­­гатны бөхийн наадмаас үүдээд энэ бүгдийг эргэцүүл­лээ. Сүүлд нэг зүйлийг нэмээд хэлэхэд монгол туургатны бүхий л наадам уралдаан зөвхөн Улаанбаатар хотод болох учиртай. Улаанбаатар хот бол Монгол Улсын нийс­лэл биш юм. Монгол туур­гатан олны, монгол үндэстэн угсаатны нийслэл юм.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Гаалийн Баатарын шоронгоос бичсэн захидлыг манай сонин нийтэлж байлаа

Гаалийн Баатарын ярилцлага болон тэр үеийн үйл явдалтай холбоотой хүмүүсийн дурсамж ярилцлага манай сонин дээр гарч байгаа. Уг дурсамжинд шоронгоос бичсэн захиа гэж нэг шуугиантай үйл явдлын талаар тал талаас нь ярилцсан нь бий. Баатар болохоор миний захиа өдөр тутмын нэгэн сонин дээр гарсан. Би уул нь дарга нартаа зориулж бичсэн тэр захиаг сонин хэвлэл дээр гаргамааргүй байсан юм. Ц.Оюунбаатар өмгөө­лөгч миний захиаг сонинд худалд­сан. Хүний мөсгүй байхын сонгодог жишээ бол тэр мөн гэх маягийн юм ярьсан. Хэргийн эзэн болох Ц.Оюун­баатар би сонин хэвлэлд тэр захиаг өгөөгүй. Гэтэл өдөр тутмын нэг сонин дээр гарсан. Миний өмгөөлж байсан хүн болох Арслан гэдэг иргэний хөдөлгөөний тэмцэгч миний компьютерээс хул­гай­лаад авчихсан. Тэгээд л сонинд захиаг зарсан гэх зэргээр ярьжээ. Нөгөө өдөр тутмын нэг сонин гэдэг нь ямар сонин байсан юм бэ гэсэн асуулт гарч байна. Яагаад ч юм энэ ярил­цагч нар нөгөө захиаг нийтэл­сэн сонины нэрийг огт дурдахгүй юм. Санаа­тай тэгээд байдаг юм уу, аль эсвэл нэрийг нь хэлчихвэл болох­гүй байх гэж бодсон ч юм уу.

Захидал бичигдэж байх үе буюу 2000-2005 онуудад Монголд ганц “Өдрийн сонин” л эрх бариг­чдын луйвар булхайг илчилж бичдэг байсан. Тэгэхлээр “Өдрийн сонин”-оос өөр ямар сонин тэгж Х.Баа­тарын захидлыг нийтэлж зүрхлэх билээ. “Өдрийн сонин” Х.Баатарын захидлыг олж түүнийг сонин дээрээ тавьж нийтэлсэн юм.

Гаалийн Баатарын захидал гарсны дараа тэр үеийн МАХН буюу одооны МАН ямар ч захидал байгаагүй гэсэн кампанит ажил өрнүүлж байсан. Бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Өдрийн сонин” ээлжит худал мэдээллээ тарааж манай нам болон Х.Баа­тарыг гүтгэж байна хэмээн гомдол­лож байлаа. Тэгээд мэдээж дараа нь нэр төрд халдаж гутаан дором­жилсон хэргээр шүүх цагдаа бол­сон доо. Одоо тэгвэл өөрсдөө захидал бичсэн, захиагаа манай сонинд алдсан талаар ярилцлага өрнүүлж байгааг уншицгаалаа. Монголд ганц “Өдрийн сонин” л үнэн хэлдэг гэж дэмий ч нэг бичээ­гүй юм шүү.

МАХН буюу одооны МАН-ыг төр барьж байх 2000-аад оноос хойш Монголын чөлөөт хэвлэлийн нэр нүүр туг нь “Өдрийн сонин” байсаар ирснийг манай олон мян­ган уншигчид андахгүй. Зөвхөн чөлөөт хэвлэлээр тогтохгүй ард­чил­­лын бат цайз бэхлэлт байж зарим үед сүүлчийн ганц найдвар түшиц болон дэнжигнэх ч үе биш­гүйдээ тохиолдож байсан. 2000 онд УИХ-ын сонгуулиар ардчилаг­чид хуйгаараа ялагдан улс төрийн тавцангаас арчигдаж, гадаад дотоо­дод таран одсон. Тэр хүнд үед ардчиллын төлөөх сонин болох “Өдрийн сонин” ганцаараа ард түмний найдвар, өмөг түшиг болон үлдэж байв. Ардчиллын төлөөх өөр сонин байтугай ард­чиллын төлөөх ганц нам нь хүртэл МАХН-ын барьцаанд орчихсон яахаа мэдэхгүй дэнжигнэж байсан. Эдгээр он жилүүдэд нийгэмд ард­чиллын голыг тасалчилгүй хамгаа­лан авч гарсан гавьяа бол “Өдрийн сонин”-ых гэдгийг хэний ч өмнө нүүр бардам хэлэх эрхтэй юм. Ер нь ардчилсан нийгэм бий болоход оруулсан манай сонины хувь нэмэр улс төрийн намаас ч, ард­чил­сан хувьсгалын партиза­нуу­даас ч дутахгүй их билээ. Хувьс­галчид яг жинхэнэдээ гурван цуг­лаан хийж хоёр өлсгөлөн зарла­чихаад л таран одсон. Хувьс­галыг гүйцээгээгүй дутуу хаясан гэдгийг бид мэднэ. Харин одоо л тэр үеийн­хээ дутуу болгоныг гүй­цээх сайхан цаг ирсэн байна гэд­гийг үгийн дашрамд хэлмээр санагдаад байна.

Хувьсгалчид энэ үед зарим нь дарга болон зарим нь партизан болон гавьяа шагналаа дуудуулц­гааж байгаа. Энэ буруу ч биш, ингэх ёстой. Гэхдээ манай сонин 1997 оны хавар байгуулагдсанаасаа хойш ардчиллын төлөө ардчил­сан нийгэм, ардчилсан үзэл бодол Монгол оронд тогтоохын төлөө сүүлийн арван тав зургаан жил хүч тэнцвэргүй үнэн хэцүү хүнд тэмцэл явуулж иржээ. Энэ олон жил “Өдрийн сонин” шүүх цагдаад байсхийгээд л дуудагдан шал­гагдаж өчнөөн олон удаа шүүгдэж байв. Ардчилсан үзэл санаа, ард­чиллын үндэс болсон чөлөөт хэв­лэлийг Монголд бий болгохын тулд ямар ч улс төрийн намаас илүү эрх баригчдын дарамтад орж өдөр бүр халуун чулуу тэвэрч явж дээ гэж одоо бодогдож байна. Тэгээд яаж энэ их дарамт шахалтан дунд манай сонин тэсч үлдэж чадав аа гэсэн асуултыг бид өөрсдөдөө өдөр бүр тавьж байдаг. Энэ бүхэнд олон арван мянган захиалагчдын, олон мянган уншигчдын халуун дэмж­лэг л биднийг тэсч үлдэхээр барах­гүй сонин хэвлэлийн талбарт тэр­гүүлж Монголын нэр нүүр брэнд болгож чадсан. Ингэж хэвлэл мэ­дээл­лийн салбарт тэргүүлж ард түмний хүсэн хүлээдэг сонин бол­гож чадсан гол гавьяатай хүн бол манай сонины ерөнхий эрхлэгч Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Мягмарсүрэн яалт ч үгүй мөн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

“Гаалийн
Баатарын хэрэг” “Бурхны телевизийн хэрэг”, “Их өр төлсөн гэх хэрэг”, “Германаас хүн хулгайлсан хэрэг”, “Ц.Нямдоржийн тагнуултай холбоотой хэрэг” гэх зэрэг одоо ч нэрийг нь дурдахаас яс шархирам хэргүүдийг нийгэмд ил тодоор баримт нотолгоотой нь мэдээлж чадаж байсан. Манай сонины ерөнхий эрхлэгчийн уран бүтээлийн хамтран зүтгэгч бага залуугийн анд Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дашрэнцэн тоймч энэ бүгдийг бичиж нийтэлж байсан. Энэ хоёр хүн хар залуугаасаа утга зохиолын, уран бүтээлийн хамт­рагчид юм. Тэр хоёр Монголд анх удаа Төв аймгийн намын хороо, захиргааны төв хэвлэл болох “Анхдугаар таван жил” сониныг нам захиргааны мэдлээс салгаж “Ардын элч” хэмээн нэрийг нь өөрчлөн эрхлэн гаргаж байсан хүмүүс билээ. Монголд анх удаа сонин дээр зар мэдээ нийтэлж, сонин дээр анх удаа реклам тавьж, сониноо анх удаа хот оруулж ирэн бэлэн мөнгөөр борлуулж байсан хүмүүс юм. Энэ бүхэн ерээд оны сүүлээр болж байгаа хэрэг шүү дээ. Мөн Төв аймагт Ардчилсан холбоо, Шинэ дэвшил холбоог үүсгэн бай­гуулсан хашир туршлагатай тэм­цэгчид билээ. Байгуулаад зогсохгүй хөдөө орон нутагт анх удаа засаг захиргааны хүнд суртлын эсрэг өлсгөлөн зохион байгуулж, түүнийг нь Ж.Мягмарсүрэн удирдан амжил­­­тад хүрч улс төрийн шинэч­лэл хийлгэж чадаж байсан юм. Ийм л хүн манай “Өдрийн сонин”-ыг эрхлэн, ийм л тоймч манай сонинд эрэн сурвалжлах нийтлэл бичиж байсан учраас ард түмэн олон түмэн уншигчдын урам хугарч байгаагүй билээ. Ардчиллын хүнд жилүүдэд энэ сонин, энэ хоёр хүн л Монголын ардчиллыг нуруун дээрээ үүрч явсан даа. Энэ бүхнийг судалдаг хүн байдаг бол судалж тодруулж баймаар санагддаг.

Түүхийг мартагнуулахыг орол­дох мэт Х.Баатарын захиаг
ний­тэл­сэн сонины нэрийг хэлэхгүй
байгаа нь энэ бүгдийг дурдахад
хүргэлээ. Дашрамд сонирхуулахад
захидал нийтлэгдэх тэр үед
би сониндоо сэтгүүлч байсан.
Хаагуур яаж дамжиж ирсэн юм бүү
мэд нэг өдөр Ерөнхий эрхлэгч намайг дуудан “Гаалийн Баатарын захидлыг
нэг хүн өгнө. Түүнийг
очоод аваад ир” гэсэн үүрэг
өгч байсан. Би ч тэр хүнтэй нь уулзаад аваад л ирж байлаа.
Лав л би мөнгө төгрөг
өгч байгаагүй юм даг. Ер нь манай сонинд мэдээлэл
ирэх, мэдээлэл авах асуудлууд маш оньсого шиг нууц байдалд болж өнгөрдөг.
Хэн ч мэдэхгүй хэний ч санаанд
орохгүй хүн зүгээр л хуучин сонин өгч байгаа юм шиг л энийг эрхлэгчид аваачаад өгчих
гээд л ямар нэгэн бичиг цаас, флаш диск оруулж өгчихөөд л явдаг. Нөгөө материал
нь хэвлэгдэх хүртлээ
хэнд ч мэ­дэгд­дэггүй. Олон
тохиолдолд л лав тэр цаас оруулж өгч
байгаа хүн яаж ч бодсон
дамжуулагч л байдаг байх. Харин өглөө босоод сониноо унши­хад шуугиан
тарьсан мате­риал байж байдаг нь манай сонины нэр нүүр юм даа.
Жирийн уншигчдаас авахуулаад төрийн
томчуудын хэнийх нь ч байж мэдэх нууц луйвар булхай тэнд нийт­лэгдэж байдаг. Энэ
бүх оньсого хэзээ тайлагдах
юм бүү мэд. Бараг тайлагдахгүй өнгөрөх биз ээ. Яагаад гэвэл манай сонинд
нэг хатуу журам байнга мөрдөгдөж байдаг. Тэр
нь хэнээс ямар мэдээ­лэл авсан нь хэнд ч хамаагүй.
Гагцхүү мэдээлэл нь үнэн бодитой байх ёстой гэсэн журам.
Мэдээл­лийн эх сурвалжийг мэдээлэл бичигч тоймч л ганцаараа мэдэж байдаг. Хэн ч тэрийг тодруулах
гэдэггүй. Хэн нэгэн нь тэрнийг
сонирхох, хэн нэгэнд тэр тухай хэлэх зэрэг нь манай сонины хатуу хориотой ёс заншил
юм. Бид яагаад үргэлж шуугиан
тарьсан, үнэн зөв мэдээл­лийг мэдээллийн зах зээлд
ний­лүүлж чаддаг юм бэ гэдгийг
танд бичлэгийнхээ төгсгөлд дуулгах гэсэн юм. Яагаад гэвэл ард түмэн
болон олон мянган уншиг­чид бидэнд найддаг учраас, манай эрхлэгчийг мэддэг учраас манай нийтлэлчдэд
итгэдэг учраас ийм нарийн нандин мэдээллийг бидэнд дуулгадаг юм. Бид ч олон түм­нийхээ итгэлийг алдаж бай­гаагүй гэдгийг бэлээхэн та мэдэх билээ.