Categories
редакцийн-нийтлэл

Хорь гаруйхан жилийн өмнө ямар аймшигтай нийгэм Монголд байсныг бид мартчихаад байна

Өнгөрөгч амралтын өдрүүдэд телевизээр нэг кино гарахыг үзлээ л дээ. Хойд Солонгосоос зугтааж буй иргэний тухай юм. Яагаав, бие муу сүрьеэтэй эхнэрээ, хүүхэдтэйгээ дагуулаад гарч буй нэг нөхөр Хятадад ажиллаж, дараа нь Мон­голд ирж удалгүй өмнөд Солонгос руу алга болоод өгдөггүй юу. Ту­хайн киноноос хэд хэдэн зүйлийг мэдэрснээ өгүүлэх гэсэн юм. Эх­лээд уг киноны үйл явдлыг ерөн­хийд нь тайлбарлая л даа. Гол баатар маань Хойд Солонгос бол тамын орон юм гэдгийг мэдрээд өөрийн эрхгүй оргон зайлдаг. Хятадад очиж ажиллах нь хувь амьдралд нь хамаагүй нэмэртэй гэдгийг гадарладаг. Тэгээд л хүүх­дээ аваад, сүрьеэтэйгээ эхнэрээ дагуулаад өнөө тамын орноосоо явж байгаа юм.

Хятадад байхад Хойд Солон­го­соос хамаагүй дээр гэдэг нь мэдээж мэд­рэгдэнэ. Гэвч олны яриагаар Монголд очоод тэндээсээ өмнөд Солонгос руу гарчихвал ахиухан мөн­гө хийж амар амгалан, ямар нэгэн дарамтгүй санасныхаа зор­гоор ажиллаж амьдарч болохыг мэдээд авч байгаа юм. Ингээд л Хятадаас талын Монгол руу онго­цоор ниснэ дээ. Гол зорилго нь өмнөд Солонгос руу гарах. Түү­ний­гээ ч биелүүлээд авна. Монголд газардсан хугацаанд манай цаг­даа нарт ээрэгдэж, хар тамхины хэрэг энэ тэрд сэрдэгдэн жаахан базаахгүй үйл явдлууд өрнөсөн. Гэхдээ тэр нь ноцтой байгаагүй. Ямар чиг л байсан хүссэн газар болох Өмнөд Солонгостоо хөл тавиад ажил төрөлд ороод ганга­раад явчихлаа. Хойд Солонгосын хатуу дэглэмд байсан хүн чинь нуруу нь амсхийгээд л явчихсан нь мэдээж. Ингээд ард хоцорсон хүүгээ дуудна биз дээ. Өөрийнхөө явж ирсэн зам мөрөөр явахыг нэгд нэгэнгүй захих нь тодорхой. Гэтэл хүү нь Хятадаар дамжиж явахдаа баригдчихдаг. Хятадууд нь цаашаа наашаа хэлээд л өнөө нялх амьт­ныг чинь ёстой амьд үхдэл бол­го­дог. Эх орноосоо урвалаа хэмээн яргалж, хүнийг том, бага гэлтгүй хэрхэн яаж зовоож, дором­жилж буйг харахад үнэндээ элэг эмтэрч, зүрх шимширмээр. Өнөө банди тийнхүү үйл тамаа идсэний эцэст Монгол руу гаргаж чадах Хятадын мафийн нөхдүүдтэй таардаг. Тэ­дэнд аавынхаа явуулсан мөнгийг хахууль болгон өгч байж өнөө аймшгийн лагериас сая л нэг сул­лаг­дана. Хахтлаа хахууль авсан мафийнхан хүүг мэдрэл муутай хоёр гурван авгайтай хамт явуул­даг. Энгэрт нь пайз зүүгээд түүн дээр “Би Ардчилсан Солонгос улсын иргэн байна. Би улс төрийн орогнол хайж Өмнөд Солонгос руу гарахыг хүсч байна. Ардчилсан улс болох Монгол орон надад тусална уу” гэж бүр монголоор бичээд ма­най улсын хил рүү нэвтрүүлэхийг оролддог. Хууль бусаар л Монго­лын хилийг нэвтрүүлэх гэж үзэж байгаа.

Монгол, Хятадын хилийн бүсийн орчим зогсоод өнөө хүүд чинь мафийн нөхдүүд “За чи тэр харагдаж байгаа төмөр торон доогуур шургаад л цааш гарна шүү. Гарч чадах л юм бол чи аврагдана. Тэнд чамайг ирээдүйн амьдрал чинь хүлээж байна” гэх утгатай үгсийг хэлээд гүйлгэчихдэг. Тэгтэл Хятадын хилийн цэргүүдэд бариг­да­на. Зэвсэглэсэн баахан хятад цэрэг дайрч ирээд нүдэж гарна даа. Мэдрэл муутай хүүхнүүдийн хэрэг тэгэхэд л гарч  цэргүүдтэй үзэлцэж “Намайг алаад өгөөч. Тэртэй тэргүй би дууссан хүн” гэж орилолдоно. Энэ үед хүүхэд сэм­хэн гүйгээд Монголын хилийг нэв­тэр­чи­хэж байгаа. Харамсмаар нь, Монголын хилчид хүүтэй таар­даггүй. Үндсэндээ түүнийг анзаа­рал­­гүй өнгөрчихнө. Аав нь хүүгээ тосч авахаар Элчин дээр ирнэ биз дээ. Элчингийнхэн “Та айж сандрах хэрэггүй. Хил рүү очих гэж зүтгэх ч хэрэггүй. Монголын хилээр нэвт­рэ­хэд мэдээж баригдана. Тэгээд л нэр ус нь Элчин сайдын яаманд хүрээд ирнэ” гэж сануулдаг. Гэвч хүү Монголын хилчидтэй таараагүйн дээр айсандаа хил рүү улам гүн орчихдог. Ухаандаа, хээр тал, цөл рүү явчихдаг. Хүн амьтангүй цөлд хүрээд ирдэг. Тэгээд аргагүйн эрхэнд өлсөж, ядарч туйлдаа хү­рээд үхэж байгаа юм, хөөрхий. Ингэж л уг киноны үйл явдал дэндүү эмгэнэлтэйгээр өрнөнө шүү дээ. Монголын цөл хээрт хүүгээ алдсан аав тэнд нь нутаглуулдаг. Эцсийн амьсгалаа отголсон тэр л газар нь эцэг хүний ёсоор оршуулдаг. Салах ёс гүйцэтгэх үед нь манай хилийн цэргийнхэн  ядарсан эцэгт ямар нэгэн дарамт саад учруулдаггүй. Холоо гэгч очоод бүгд төв маягаар эгнээд зогсоно. Дэлхийн аль ч оронд байдаг тийм л жишгээр зогсож байгаа нь харагддаг.

Хүний нутагт хүүгээ оршуулсан аав харууслын нулимстай Мон­голд ирээд Монголын  олон улсын нисэх онгоцны буудлаас Сөүл рүү “Аэро Монголиа” гэсэн онгоцоор нисч буй нь кинонд тодхон гарч байв. Тэрхүү зурвас хэсэгт Монгол гэдэг жигтэйхэн гоё орон гэдэг нь илтээс мэдрэгдэж, эрх чөлөөний орон ийм л байдаг болов уу гэх сэтгэгдлийг тухайн киног үзсэн хэн хүнд төрүүлэхээр. Манай хил гаа­лийнх­ны хувцас хунар, инээм­сэг­лэсэн төрх, харилцааны өндөр соёл, боловсон байдал зэргээс дэлхийн жишиг болсон өндөр хөгжилтэй орнуудын төрх хараг­даад байгаа хэрэг. Мэдээж Мон­го­лын олон улсын нисэх онгоцны буудлаар Ази, Европ, Америкийн иргэд хөлхөлдөж, урсан өнгөрч буй нь үзэгдэх нь бий.

Тийм ээ, энэ юуг өгүүлнэ вэ? Ардчиллын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр тэмцэж ирсэн хорин хэдэн жил, энэ хугацаанд ард­чил­лын төлөө зүтгэхдээ есөн шидээ­рээ дуудуулж байсан ард­чилагч­дын ач буянаар Монгол Улс гадны нэртэй уран бүтээлчдийн хийсэн кинонд анх удаа ийм гоёор гарч байна. Урьд өмнө нь яадаг байлаа. Дандаа л Монголыг гутаасан зүйлс гар­даг байсан шүү дээ. Тэмбүүтэй, ядарсан, зүдэрсэн, их гүрнүүдийн эрхшээлд автсан ийм л нэг нохой, гахай шиг хүмүүс гадныхны дуранд өртөж дэлхий даяар цацагддаг байлаа. Тиймийн учир харийн нутагт явахад Монголтой холбоо­той нэвтрүүлэг гарах вий гэхээс яс хавталзаж, үзсэн бүхэн өөрийн эрхгүй гутармаар болдог байсан. Тэгвэл энэхүү киноноос улбаалаад нэг л гоё сэтгэгдэл төрөөд явчихаж байна. Ардчиллын хорин хэдэн жилийн тэмцэл үр дүнгүй болоогүй юм байна. Тэр нь миний танд өгүүлээд байгаа, та бүхний шимтэж үзсэн тэрхүү киноноос харагдаж байна.

Мөн эндээс бид хорь гаруйхан жилийн өмнөх нийгмээ харж боло­хоор байна. Хятадын коммунист нийгэм, хойд Солонгосын даран­гуй­лал ямар аймаар байна вэ. Манайх яг л тийм байсан шүү дээ. Тэгвэл өнөө цагт бид Хятад, Умард Солонгосын дэргэд диваажинд байгаа юм шиг амьдарч байгаа биз дээ. Бүх зүйл нээлттэй.  Хүмүүний энэхэн амьдралд эрх чөлөө шиг үнэтэй зүйл үгүйг бид бүхэн ханат­лаа мэдэрч, амьдралын үнэ цэнийг сайтар ойлгож байна. Хүний эрхийг дээдэлдэг, иргэнээ хүндэтгэдэг нийгэмд аж төрж буй минь юугаар ч хэмжээлшгүй баялаг. Гэхдээ бид ийм л үнэ цэнэтэй зүйлээ өнөөдөр мартаад байгаа нь харамсалтай. Өнөөдөр хэдий ардчилсан хүчин засгийн эрхэнд байгаа ч социалис­тууд арай олон  байгаа нь өдөр тутмын амьдралаас мэдрэгдээд байх юм. Социалистууд гэдэг аюул­тай хүмүүс байдаг. Комму­нис­туу­даасаа долоон дор тийм л хүмүүс. Уул нь нэг зоосны хоёр тал л даа. Гэхдээ социалистууд хэцүү. Үүнийг харьцуулсан жишээгээр тайлбар­лаж болох юм. Ухаандаа, ком­му­нист удирдлагатай хятадууд өнөө­дөр хувийн өмчид хэрхэн хандаж байна вэ. Ямагт хувийн өмчийг хүндэтгэж, мөнгөтэй хүмүү­сээ дээ­дэлж дэлхийд нэртэй баячууд, түүгээрээ дамжуулан улс орны үнэт капиталуудыг бий болгож байна шүү дээ. Гэтэл өнөөгийн манай социалист удирдлагууд яаж байна. Дандаа л хувийн өмч рүү дайрдаг. Хувийн өмчийг нийгмийн өмч, нийтийн өмч мэтээр үздэг. Мөнгөтэй нэгийгээ үнэн голоосоо үзэн яддаг. Нийгэм даяараа баячуу­дыг үзэн ядах сэтгэгдэл төрүүлдэг. Юм л болбол “Муусайн баячууд л” гэдэг. Аливааг бүтээсэн, гавьяа байгуулсан хүмүүсээ алдаршуулах нь бүү хэл нэг нүдээрээ ч харахаа больсон. Ингэж болдоггүй л юм даа.

Энэ тухай сая хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ Ерөн­хий­лөгч онцолж байна лээ. “Монголын төр бүтээгчдээ дэмжихгүй байна. Юм бүтээж, ажил хийж яваа хүнээ дэмжихгүй байна” гэж. Өнөөгийн залуучууд социализм, коммунизм гэдгийг мэдэхгүй. Тэрхүү хатуу харгис нийгмийг мэддэг хүмүүс нь ярихаа ч байж, дурсахаа ч байж. Түүний төлөө тэмцэж явсан хүмүүс өдийд нас хэвийсэн биз. Гэхдээ Монголын залуу үе, уралдааны морьд шиг гарч ирж буй шинэ цагийнхан, бид бүхэн социализм, коммунизм гэж ямар аймшигтай нийгэм байсныг мартах учиргүй ээ. Хэрвээ залуу үедээ тийм аймшгийн нийгэмд Монгол Улс оршин тогтнож байсныг хэлж ярьж өгөхгүй, хор уршгийг нь мэдрүүлэхгүй, хүний эрхийг хэрхэн боогдуулж, яаж дарангуйлж, үйл тамыг нь иддэг байсныг сануулахгүй бол залуу­чууд социализм гэж нэг их сайхан зүйл байсан мэтээр ойлгох вий дээ.

Үүнийг л дээрх киног үзэж суухдаа бодож байлаа.          

Ингэхэд, социалистуудын хам­гийн сүүл үеийн жишээ, адгийн шаар нь Уго Чавес байлаа шүү дээ, хөөрхий минь. Тэрээр капита­лис­туу­дын хөрөнгийг хураан авч ний­гэм­чилсэн адгийн шаар. Түүний “гавьяагаар” Венесуэль улс одоо намгандаа живж байна. Ядуурал гуйланчлалд бүрэн автаж байна. Гадагш нь л мэдээлэхгүй байгаа болохоос барууны хэвлэлийнхний бичиж байгаа үнэн. Тэр олон орон сөнөж байна. Латин Америкаас олон социалистууд төрсөн. Гэвч тэд амьд буй цагтаа л ард түмэнд таалагдах гэдэг. Ерөөсөө со­циа­лис­туудын үнэн нүүр царай тэр. Түүнээс “Намайг үхээд өгөхөөр ямар нийгэм үлдэж, улс орон минь цааш яах бол” гэж тэд хэзээ ч боддоггүй л байхгүй юу. Уго Чаве­сын жишээ үүнийг илтгэж байгаа биз дээ.  Дээрх киног надтай хамт ахимаг насны нэг хүн үзсэн юм. Тэрээр тамын орон болох хойд Солонгосыг, Хятадад үйл тамаа идэж буйг хүүг хараад “Монгол минь үнэхээр ийм байсан юм шүү дээ” гээд л шогшроод байсан.  “Одоо улс орон минь ардчиллын хүчээр ямар гайхамшигтай болоо вэ. Гадныханд хүртэл ингэж хараг­даж байна шүү дээ”  гэж үнэн зүрхнээсээ баярлаж байлаа.

Үнэндээ бол миний бие социа­лизм, коммунизмыг мэдэхгүй юм аа. Насч бага балчир байж дээ. Залуу насаа засгийн их адуунд нухлуулж өнгөрүүлсэн аав минь ерээд оны эхээр малаа нийгэмчил­чи­хээд “Ялтай малаас ингэж салдаг байжээ. Одоо нэг бүтэн нойртой хоноё доо” гэж байсныг санах юм. Ганц шөлний хонь ядарсан хүнд өгөхдөө ч айдастай байсан ёрын цаг байж шүү. Тийм болохоор л учир мэдэх ухаантнууд “Социализм хүсэх нийгэм биш ээ” гэж толгой сэгсрээд зүрх нь үхчихсэн  хэлээд байжээ. Нээрээ чиг хүсэх нийгэм биш юм аа. Энэ нь нэг л зүйлээр өнөөдөр илэрч байна. Ардчиллын амин шүншиг болсон хувийн өмч рүү ингэж айхтар дайрч, компанийн захирал, алив л мөн­гө­тэй хөрөнгөтэй гэсэн бүхнийг элд­вээр доромжлох болсон нь өнөө айх­тар социализм чинь эргээд сэргэж буйн илэрхийлэл биш гэж үү. Бид хорь гаруйхан жилийн өмнөх нийгэм рүүгээ эргээд орчих вий гэхээс сэтгэл зовох юм. Үнэндээ элэг эмтэрмээр нийгэм байсныг дээр өгүүлсэн кино бидэнд дахин дахин сануулаад л байна даа.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

З.Ядмаа: Хүний амьдрал гэдэг нүүдлийн шувуу шиг юм

Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж, яруу найрагч Т.Очирхүү, орчуулагч Х.Мэргэн нарын хамт. 1990он. Хөх хот

-ЗОХИОЛЧДЫНХОО ГЭГЭЭН ЦАГААН НАРГИАН ДУНД ЯВЖ ИРЛЭЭ ДЭЭ-

Монголын
зохиолчдын эвлэлийн шагналт шог зохиолч, яруу найрагч Заяатын Ядмаатай ярилцлаа.
Тэр бүр олны өмнө ил гарч бүтээл туурвил хийгээд өөрийнхөө тухай яриад байдаггүй
эл эрхэм Зохиолчдын байгууллагын гал тогоог дөч шахам жил түшихдээ Явуу, Эрдэнэ,
Гайтав, Чимидээс аваад үе үеийн бурхадтай ах дүү, багш шавийн барилдлагатай явсан
билээ. Тэрээр “Зохиолчдын гэгээн шог”,
“Зохиолчид инээлдсэн он жилүүд” зэрэг
шог хошин зохиол мөн “Янгирын цэнхэр
уулс”, “Их үдийн говь”, “Сэтгэлийн гэрэлт бүсгүй” зэрэг
яруу найргийн номуудтай.

-Таныг чинь Зохиолчдын хороонд далаад оны
эхээс аваад л зүүлттэй байсныг хүмүүс хэлдэг. Тэгэхээр хэдэн онд анх босгыг нь алхаж
байв. Тэрхүү дурсамжаасаа хуваалцвал сонин байх болов уу?

-Далан
дөрвөн оны долдугаар сарын найманд юм аа. Би гэдэг хүн Сономын Удвал  даргын тушаалаар Зохиолчдын хороонд ирж байлаа
шүү дээ, базарваань. Хүмүүс намайг сүрхий том зохиолч л уригдаж ирсэн мэтээр ойлгож
байгаа байх. Гэвч би чинь нягтлан бодогч хүн. Хоринхоёругаар автобаазын ахлах нягтлан
сөөсгөр залууг Зохиолчдын хороо нягтлангаараа авч байсан түүхтэй.

-Ядмаа зохиолчийг бүхий л насаараа зохиолчдын
хорооны дансыг барьсныг уншигч олон гадарлана.  Харин та бол данс барих нэрээр зохиолчдоо шоголж
суусан хүн дээ?   

-Би чинь
Санхүүгийн техникумыг хорин настай залуу төгсөөд Өмнөговь
аймгийн захиргаанд хуваарилагдаж байлаа. Тухайн
үедээ бас л утга зохиолд зүрх сэтгэлээ өгч явсны илрэл биз дээ, өмнийн говийн Утга
зохиолын нэгдлийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Тэгтэл жараад оны дундуур Зохиолчдын
хорооноос зохион байгуулсан утга зохиолын өдрүүд Өмнөговь аймагт зохиогдохоор болдог
юм аа. Хотоос С.Удвал дарга, Б.Явуухулан, С.Эрдэнэ, Д.Пүрэвдорж, Б.Бааст, С.Дашдэндэв
гээд олон зохиолчид очлоо. Би бол яахав, эхлэн бичигч л байсан. Гэхдээ л Пүдо(Дэндэвийн
Пүрэвдорж агсныг хэлж байна) багшийнхаа  хараанд
өртсөн шиг байгаа юм. Сүүлд мэдэх нь ээ, 
22 дугаар автобааз руу Пүдо багш Удвал даргын гарын үсэгтэй албан тоот хэд
хэдэн удаа явуулж байж намайг зохиолч бурхадын 
бөөрөнд авчирсан түүхтэй. Тухайн автобаазын дарга нь Баясах гэж хүн байлаа.
Ц.Лоохууз нарын хэрэгт холбогдож байсан хүн л дээ.

-Ахлах нягтлангаа тийм ч амар тавьчихаагүй
байна даа?

-Үгүй
яахав, дээ. Намайг Өмнөговиос ирээд байхад тэр хүн бааздаа авсан. Тиймээс явуулах
дургүй байж л дээ. Удвал гуайн нэрээр Пүрэвдорж гуай мундагдаж байж л авсан байгаа
юм. Зохиолчдын хороонд ирэхэд Хайдавданзангийн Цэвээн гэж сайхан буриад хөгшин санхүүг
нь хариуцаж байсан. Тухайн цагт Зохиолчдын хороо гэдэг чинь  шат дүүрэн цэцэгтэй, шал дүүрэн хивстэй, өрөө
бүрээр нь зохиолчид дүүрсэн ордон байлаа шүү дээ. Урьд өмнө нь би тийм газар орж
үзсэн биш. Наран тал руугаа харсан цацлын халбага шиг гурван давхар байшин байсан
даа. Удвал гуай дарга, Түдэв гуай орлогч, Тарваа гуай “Цог” сэтгүүлийг, Эрдэнэ гуай
“Утга зохиол” сонинг, Явуу яруу найргийн зөвлөлийг, Пүрэвдорж утга зохиолын фонд,
Ц.Мөнх гуай шүүмж судлал, Л.Чойжилсүрэн гуай үргэлжилсэн үг, Бааст гуай залуу зохиолчдыг
хариуцаж байхад нь би нягтлангаар орсон юм. Тэр том том зохиолчидтой нэг дор ажиллана
гэдэг бурханаас өгсөн шагнал юм даа. Анх ороход би хамгийн залуу нь байлаа. Хог
цэвэрлэж, туг хатгахаас аваад бүх зүйлд тохоон томилогдоно.  Харин наяад оны дундуур О.Дашбалбар, Х.Мэргэн,
Н.Энхбаяр, Л.Нарангэрэл, Р.Нарантуяа, Ц.Энхбат нар ирж хойноос (Горькийн сургууль)
ирээд би гэдэг хүн өдөр тутмын ажлаас чөлөөлөгдсөн түүхтэй.

-Зохиолчдыг шоглодгоо та нэг л ярихгүй байна
даа. Илт тойроод байх чинь?

-Би ганцаараа
тэр бурхадыг чинь шоглоод байсан юм биш. Зарим нь нэгнээ хэргээр явуулчихаад яалт
ч үгүй баригдахдаа “Ядмаа л тэгж байна лээ” гээд намайгаа бариад өгчихдөг шиг байгаа
юм.

-“Буурал анчны домог” гэж хүн бүгдийг элэглэсэн
нэг найраглал бий дээ?

-Түүнийг
чинь Пүрэвдорж багш, Дооров хоёр гаргасан юм. Жаран есөн онд шүү дээ. Тэр жил Зохиолчдын хорооны 40 жилийн ой болсон. Өмнөговь аймгийн Утга зохиолын нэгдлийн эрхлэгчийн хувьд би гэдэг
хүн уригдлаа. Дуурийн театрт баярын хурал болсон санагдана.  Ринчен гуай, Дамдинсүрэн гуайгаас
аваад бүх л аваргууд байсан үе. Архангайн
О.Цэнд бид хоёр “Улаанбаатар” зочид буудалд нэг өрөөнд хамт байлаа.
Тухайн
үеэр л “Буурал анчны домог”  гарсан даа.

“Бямбын
Ринчен шиг буурал анчин

Жүгдэрийн
Дамдин шиг их буугаа үүрээд

Бабын
Ахтаан шиг бүргэд мөрөндөө суулгаж

Бөхийн
Бааст шиг хав нохойгоо дагуулаад…” гээд эхэлдэг шүү дээ.

Ахмадуудын тухай дурсаач. Явуу,
Эрдэн
э,
Гайтав
… өөр хэн ч байж болно?

-Дурсвал бүгдийг нь л дурсмаар байна. Тэр аваргуудыг
чинь мөнхийн юм шиг л бодож явж дээ. Хүний амьдрал гэдэг нүүдлийн шувуу шиг юм даа.
Бид чинь хавар, зуны хэдэн сар ирээд буцаж буй шувууд юм уу даа. Далан дөрвөн онд Удвал гуай эмэгтэйчүүдийн байгууллагын
 ажил руу яваад
өглөө. Түүний оронд Л.Түдэв
гуай дарга боллоо. Нэг өдөр Түдэв даргын үүдэнд Явуу сууж байх юм. “Та энд юу
хийж байгаа юм” гэхэд, дарга намайг дуудаад гэж байна. Уучихсан байгаа нь царайнаас нь илт ээ, улаа бутраад л. Гэвч сонин зажилчихсан сууна. Даргадаа
үнэртүүлэхгүй гэж тэр шүү дээ. Далаад он
чинь Явуугийн жинхэнэ мандаж байсан үе
биз
 дээ. Энгэртээ
төрийн шагналын тэмдэг гялалзуулчихсан дорнын их найрагч тийм
л жудагтай байсан.  Дарга нараа тэгж л хүндэтгэж байсан. Одоо бол манай зохиолчид ямар болсныг мэдэхгүй юм аа.

Танаас Пүрэвдорж, Дооровын тухай асуулгүй өнгөрч боломгүй
л байх юм?

-Дооровыг өнгөрсний дараа Х.Зандраабайдытай хамтарч
“Дэлгэрхангай уулан дээрээс дэлхий харсан Дооров” гэсэн ном гаргаж байлаа. Миний
санаачилсан ном л доо. Хоёр гурван жил хөөцөлдөж байж гаргасан
юм даг. Дараа нь Пүрэвдорж гуайн тухай дурсамжийн ном хийсэн. “Тэнгэрлэг найрагч” гэсэн ном. Түүнээ гаргачихаад  Төрбат,
Зандраабайды бид гурав аваачиж өгч байв. “Та нар
хэдийдээ ийм ном гаргачихав” гэж өвгөн багш минь ихэд баярлаж байсан. Ингэж л би багшийнхаа амьдад номон
суварга босгосон хүн юм. Үхсэн
хойно нь магтаад хэрэггүй, амьд дээр нь баярлуулах шиг сайхан юм үгүй
гэдгийг тэгэхэд бие сэтгэлээрээ ойлгож байлаа. Дооров өрөөндөө духайчихаад л пал пал хийтэл  инээгээд, ганган трубээрээ тамхиа
нэрээд,
 хөдөө гадааны
голдуу хүмүүс тойруулаад ихэд баясалтай хөхин сууж байдаг сан.
Мань хүн бусдыг явуулах, хошин яриа хөөрөө гаргахдаа цаанаа л нигууртай. Ямар сайндаа
Горький төгсөж ирсэн зохиолчдоос өөрийнхөө зохиосон изм-ын тухай асуугаад бантанг
нь хутгаж байхав дээ. “Цаана чинь “сунтагизм” гэж
нэг сүрхий нэр томъёо, утга зохиолын изм гарчээ” гээд өнөө хэдийгээ байдалд оруулчихна.
Нэг удаа  Д.Пүрэвдорж гуайгаас асуудгийн даваан дээр
Эрдэнэ гуай “Чи битгий нохойтоод
бай л даа” гээд болиулсан гэдэг. Сүүлд багш энэ тухай “Дооров хэрвээ надаас тэгж асуусан бол би баараггүй худлаа ярина. Үзсэн юм шиг л гөрөх байсан”
гээд инээд алдаж байсныг санаж байна.

-Зохиолчдынхоо хөгжөөнтэй явдлуудаас ярихгүй
юу. Уншигч олон танаас тийм л зүйл хүсэх нь мэдээж?

-Жамсрангийн
Лодой гэж үг газар гээдэггүй, егзгөр буриад хөгшин байлаа. Лодой зохиолч нэг удаа
бууз хийхээр үхрийн толгой шулсан байгаа юм. Тэр нь өдөржингийн  юм болж л дээ. Оройхон хэрд гэргий нь уурлаад
“Лодой минь дээ чи арай л удаж байгаа юм биш үү” гэхэд, идэж байгаа юм биш болохоор
болохгүй байна ш дэ гэж учирласан удаатай. Бас мань хүн нэг удаа Их дэлгүүрт оочерлож
байж. Тэгтэл халаасанд нь гар ороод ирж. Чанга гэгч нь атгаж аваад Лодой гуай “За
хүү минь чи байтугай өвгөн би өөрөө мөнгөө олохгү байна аа. Энэ золигийн халаас
нь цоорчихож ээ” гэж үнэнээ хэлсэн гэдэг. Одоо Пүрэвдорж багштай холбоотой түүх
ярья.  Мань хүн Сэлэнгэ аймагт очиход Хасбазар
гэж дарга угтаж авсан байна. Тэр чинь жараад оны сүүл үе. Пүдо багш өнөө даргад
“Танай нутгийн тухай нэг аятайхан шүлэг байна. Та сонссон уу”гээд ингэж уншсан байгаа
юм.

“Мохоорын
үнэр ханхалсан

Модон
байшинд төрсөн би

Моодон
сүүлтэй гахайгаа

Морио
гэж хайрладаг

Модон
торхтой бараашигаа

Эхийнхээ
сүү шиг санадаг

Монхор
хамартай аавыгаа

Папа
гэж дууддаг” гэжээ. Сэлэнгийнхнийг олон зүйлээр дайруулж хэлсэн хэрэг шүү. Өнөө
дарга “Би огт сонсоогүй юм байна” гэснээ гэнэт 
түсхийтэл инээсэн гэдэг шүү. Харин Пүрэвдорж багшийг Горькийн сургуульд явахад
 Ламзавын Ванган гуай “За би чамд сайн сураарай,
олон сайхан шүлэг найраглал бичээрэй, утга зохиолын олон нөхөдтэй болоорой гэж хэлэхгүй.
Харин чи Москвад зам хөндлөн гарахдаа хоёр талдаа таван бүдүүн орос авгайтай л гардаг
юм шүү” гэж аминчлан захисан байдаг. Пунцагийн Бадарчаас “Болор цом” наадам хэн
хэн шүлгээ уншив гэж нэг нь асуужээ л дээ. Тэгэхэд нь буурал найрагч

“Өвгөн
Дооров халирч уншив

Өндөр
Цоодол хөлөрч уншив

Бавуугийн
Лхагвасүрэн шатаж уншив

Барнангийн
Доржпалам шартаж  уншив

Шаравын
Сүрэнжав хөл хальтарч уншив

Шагдарын
Уянга хэл хальтирч уншив

Дарьгангын
Дашбалбар давшилж уншив

Дэрэнгийн
Чимэддорж дэвсэлж уншив

Баргын
Дулмаа шил гялалзуулж уншив

Бямбажавын
Энхтуяа гуя гялалзуулж уншив” хэмээн тэр дор нь хариулжээ. Энэ мэт зохиолчдын шогийг
ярьвал барахгүй ээ.

-П.Пүрэвсүрэн зохиолч угаалгын машинд бараашиг
эсгэсэн гэх яриаг бас л та гаргасан санагадана?

-Би гаргах
юу байхав, болсон явдал юм чинь. Төрийн шагналт зохиолч П.Пүрэвсүрэн, “Тоншуул”-ын
зураач Арнайн Гүрсэд хоёр нэг “юм” зохицуулъя гэтэл мөнгө нь дутжээ. Тэр даруй хоёул
нэг арга бодож олсон байгаа юм. Байгаа мөнгөөрөө түргэн эсгэгч, элсэн саахар аваад
Пүрэвсүрэнгийнд очжээ. Тэдний шинэхэн аваад байсан угаалгын машинд буцалсан ус хийгээд
саахар, исгэгчээ хийчихэж.Тэгээд цаг орчим нижигнүүлж байгаад гайгүйхэн шиг шуугиулж
аваад өнөөхөө ууж суусан түүхтэй. Ийм л золигийн хүмүүс дээ, манайхан чинь.     

-Та бол Дундговийн Дэлгэрхангай
сум
ынх. Олон
зохиолч төрсөн
нутаг даа?

-Өө тэгэлгүй яахав. Мань мэт шиг амьтад нь багтахгүй л дээ. С.Буяннэмэх, С.Дашдооров, за тэгээд
Дарамын Батбаяр гээд явна. “Ардын эрх”-ийн Ариунаа буюу гавьяат Цэвэлсүрэн,
“Морьтой ч болоосой”-гийн Гончиг буюу гавьяат Батсүх, мөн алиалагч Батсүх, морины Нансалмаа гээд манайхаас чинь хичнээн ч гавьяат
төрсөн юм бэ дээ. Сүүлд нь миний бие зохиолч нөхдөө
дурсах гэсэн юм. Дэмбээгийн Мягмар гэж агуу хүн байлаа. Түүний “Найрын ширээний
ууц” гэдэг ганцхан жүжгээр л Улсын
драмын театр жилдээ сая төгрөг олсон гэдэг. Мөнгө хатуу цагийн сая төгрөг
гээд бодохгүй юу. Тэгтэл өнөөдөр гэргий хүүхэд
нь айлын царай харж, бараг
гудманд шахуу амьдарч байна. Мөн Жигжидийн Бямбааг дурсмаар байх юм
. “Үнэний хорвоо”, “Хорвоогий өнгө” гэх номуудтай хүн. Яг энүүхэндээ хэлэхэд өвгөн ахад нь уулзах зохиолчид өдөр ирэх тусам л ховордоод байх
юм аа. Зон-Пай-Жингийн Баттулга гэж
бас л сонин зохиолч байсныг манайхан мэднэ. “Хөх тэнгэр” романаас аваад тухайн үедээ
шуугиантай дедегтив зохиолууд бичиж байсан хүн шүү дээ. Түүнийг далаад оны эхээр
Түдэв дарга хороонд дуудаад номын санчаар ажиллуулж
байсан. Бид хоёр нэг өрөөнд суудаг байлаа. Орос авгайтай байсан
хүн. Дараа нь түүнээсээ салаад залуухан хүүхэнтэй суугаад Дархан явсан. Тэгээд бараа тасарсан
даа. Горький төгсч ирсэн хүн шүү дээ.
НАХЯ-нд ажиллаж байсан. Мөн Нанзадын Надмид гэж сайхан хөгшин байлаа. Түүнийг дурсах нь бүү
хэл мэддэг хүн өнөөдөр ховор болжээ. Тэрээр Зохиолчдын хороонд жижүүр хийж байхдаа “Хүлээс алдарсан
нь” зохиолоо бичсэн юм шүү дээ. Бид бурханы оронд
хэдийнэ одсон бурхадыгаа хаа нэг дурсаж, зохиол бүтээлийг энд тэнд ярьж, гэргий хүүхдүүдтэй нь уулзаж ойр дотно байх хэрэгтэй.
Ах нь ингэж л боддог оо.

Ярилцсан
Н.Гантулга

Categories
редакцийн-нийтлэл

Л.Эрдэнэбулган: Амар сайдын тухай кино хийх уран бүтээлчийн сүүлчийн зорилго маань юм

-Б.ЖАМЪЯНДАГВА, Н.ТУУЛАЙХҮҮ, Г.ЭРДЭНЭБААТАР НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ-

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Лхагвын Эрдэнэбулгантай ярилцлаа.

Сүүлийн үед таны яриа хөөрөө сонин хэвлэлийн хуудаснаа тэр бүр ха­рагд­сангүй. Нам гүмхэн байлаа. Тэгэхээр тантай олон сэд­вээр ярилцахыг хүсч байна. Эхлээд ижий аав, ус нут­гийн тухай асуух гэсэн юм. Урин хаврын тийм нэг налгар цаг байна даа?

-Нээрээ
одоо санах нь ээ, би өөрөө л ус нутаг руугаа морь шиг гүйгээд байснаас нутгийнхаа тухай ярилгүй удсан байна шүү. Би чинь Булган аймгийн Бугат сумын хүн. Бухын гол гэдэг газар төрсөн. Удам гарал гэвэл ерөөсөө л малчин, тариачин.  Хорин хоёр нас хүртлээ мал дээр байсан. Урин хаврын тухай асуулаа. Хавар боло­хоор манайхан чинь тариагаа тарина. Яд өдийд гунан шар­нуудыг тэргэнд оруулж, анжи­саа шалгаж хэмхэрсэн ху­гарс­ныг нь янзална. Тэр л үе минь бодогдож багын хөр­сөнд намайг аваачих шиг боллоо. Дөрөвдүгээр сарын эхээр тариандаа гардаг сан. Бугатынхан Сэлэнгэ мөр­нийхөө хөвөөнд л очно доо. Тэнд ямар сайхан зүйлийг үзнэ гэж бодно. Би гэдэг хүн өдий наслахдаа дэлхийн дөч гаруй орноор явсан байна. Гэхдээ Сэлэнгэ мөрний хө­вөө, хаврын хаварт манайхан тариагаа тарьдаг Зад Бартын нутгийг минь яахин гүйцэх билээ. Тэр бол үлэмжийн төгс төгөлдөр орчин. Ятуу, хөтүү, бор сойр зэргийг хүмүүс зү­гээр нэг шувуу төдийхнөөр л мэдэж байгаа. Тэгвэл биднийг тариандаа гарах тэр үеэр шувуудын найр болдог. Тэд­гээр шувуунууд чинь өд сөдөө эргүүлээд Сэлэнгийнхээ той­ромд шумбана. Гоё гоё дууны өнгө гаргаад л. Эмэг ижий минь “Миний хүү эдгээр шу­вуу­дыгаа битгий үргээгээрэй. Ирэх жил төрүүлэх үр удмаа бэлдэж байгаа юм. Ийм л цагаар нэг жаргадаг юм даа, хөөрхийс”  гэдэг сэн. Тэгж л шу­вуу­тайгаа, малтайгаа, хүн­тэйгээ нийлж газраа хагалдаг байлаа. Газрын хөрс ямар гоё, дотно дулаахан үнэртэй байд­гийг тариач удмын хү­мүүс мэднэ дээ. Тэр үед чинь яргуй нүдэлж мал таргалдаг цаг. 

Ёстой л нөгөө хаврын баяр гэдэг чинь тэнд болдог байжээ?

-Манай
Сэлэнгэ мөрнийг ерэн есөн рашаантай гэдэг. Би үүнийг дэгсдүүлсэн тоо гэж боддоггүй. Ухаандаа, Хануйн гол гэхэд л гучин гурван ра­шаантайгаар цутгаж байна. Сэлэнгэд адууны өвчинд сайн ус гэж бий. Газраа хага­лах гэж явахдаа адуугаа баг­ширтал туугаад очно. Цөн түрснийх нь дараа адуугаа усанд оруулна. Нялх унага­нууд цүүцэг цүүцэг гээд л орно шүү дээ. Адуутайгаа тоглоно. Устайгаа наадна. Үнэндээ хаврын баяр гэдэг чинь тэр л байхгүй юу. Ингээд сар гаруй бужигнаад буцаад гэртээ ир­дэг байлаа.

Аав ээжийн тань тухай асуумаар байна. Та чинь хүнд өргүүлээд дараа нь төрсөн гэртээ ирсэн тухай нэгэнтээ дурсч байсан даа?

-Би
чинь бас их сонин амьдралтай хүн шүү дээ. Хоёр аав, хоёр ижийтэй хүн юм. Миний өргөж авсан аавыг Дашдаваа, ээжийг Доржханд гэдэг байв.  Төрсөн аав минь Лхагва, ээж минь Цэнд-Аюуш гэж байлаа. На­майг дөнгөж долоон нас хүрэ­хэд өргөж авсан ижий аав хоёр минь гуравхан хоногийн зайтай бурхан болсон.  Тэ­гээд л тэднийхний удмыг дамжиж явсаар 21 настайдаа буцаад төрсөн гэрээ ба­раад­сан түүхтэй. Өргөж авсан аав минь аймгийн дотоодыг хам­гаалах газрын хурандаа бай­сан юм. Би нэг зүйлийг их хатуу боддог. Ямар ч тохиол­долд хүн үр хүүхдээ бусдад үрчлүүлж болдоггүй юм аа гэж. Хүнд өргүүлсэн өөрөө­рөө л бодоход жаахан гом­дол хадгалж явдаг шиг билээ. “Би энэ айлын шоовдор хүү­хэд нь юм болов уу эсвэл царай муутай, ухаан муутай юм болов уу” гэж боддог л байхгүй юу. Нарийн учрыг нь мэднэ л дээ. Өрөөсгөл бодож боломгүй санагдана. Гэхдээ л өрөөсгөл бодол төрөөд бай­даг юм. Үрчилж авсан ижий аав хоёр минь ганц хүүгээ хүний дайтай яваг дээ гэж бодоод тэр багад нь бурхны орон руу явчихсан ч юм болов уу даа. Учир нь би тэр айлд очоод хоргой торгон дээр хөлбөрч байсан юм гэсэн. Хүүхэдгүй айл болоод тэр үү, их л эрхлүүлж байж. Хэрвээ тэр эрхийн тэнэгээр өссөн бол өнөөдөр ингэж яваа ч билүү гэж бодогдох үе өвгөн ахад нь байдаг. Ийм л учир­тай.    

Сэлэнгийнхээ хөвөө­нөөс гарч их хотын барааг анх харсан түүхийг тань сонирхвол?

-1959 онд Монголын за­луу­чууд оюутны анхдугаар наадам гэж боллоо. Тэр наадамд оролцсон нь миний хувьд их азтай тохиолдол болсон. Түүнд намайг хэн оролцуулав гэхээр Монголын хөгжмийн суу билэгт хүн, ал­дарт дуучин Жигзавын Дорж­дагва гуай. Тэр хүнээр баруун зүүнээ заалгаж байсан минь агуу хувь заяа юм. “Цоохор” Мижиддорж гэж тайз дэлгэ­цийн урлагийн бас лут хүн байсан. Монгол Улсын гавь­яат жүжигчин хүн. Цэргийн чуулгын найрал дууны багш “ногоон” Очирбат гэсэн гурван аварга Булганд очоод бүх сумдаар явж урлагийн хүмүүсийг шалгаруулахад миний бие тэнцсэн хэрэг. Улаанбаатар хотод ирээд уг наадмаас би хоёр медаль авлаа. Эхнийх нь дуу дуу­лаад мөнгөн медаль, дараа нь ёочин зэрэг хөгжмүүдийг тоглоод хүрэл медаль авч байлаа. Ингээд баяр хөөртэй буцах гэж байтал Лувсан­шарав гэж хүн төв театр дээр дуудаж байна гэдэг юм. Төв театр гэдэг нь одоогийн дуу­рийн театр. Лувсаншарав гэдэг нь хөдөлмөрийн баатар агуу их Дагвын Лувсаншарав багш минь байхгүй юу. Лууяа багш “Ирэх хавар танай Соё­лын ордон руу хэлээд дуу­дуулна, хүлээж байгаарай” гэлээ.

Сэцэн хааны их Лууяа таныг тэгж их урлаг руу хөтөлжээ?

-Лууяа
багш маань яалт үгүй хот руу дуудаж, Дуу­рийн театрын дуучин болго­сон ачтан байгаа юм. Гэхдээ их хөгтэй. Би чинь Булганд очоод л явах юм бодоод бай­лаа. Цаг хугацаа өнгөрч өг­дөггүй. Өвөл боллоо. Дууд­даггүй ээ, яаж дуудахав дээ. Хавар болоогүй байгаа юм чинь. Тэгэхээр нь би айм­гийнхаа театраас орголоо. Нэгдүгээр сар гэдэг чинь идэр ес тачигнаж байх цаг. Улаан­баатар явж буй ноос ачсан машины ноосон дунд шургаж ороод суучихсан. Хоол унд­гүй ч амьтан. Тэгтэл өнөө ах хотод ирээд ачаагаа буулгаж байснаа намайг гэнэт хараад ихэд айсан гэдэг. Аргагүй шүү дээ. Би болохоор хөл гар ч тэнийхээ байчихсан нэг юм хэвтэж байдаг. Ингээд өнөө жолоочоор Сэр-Од ах, Цэ­дэндамба эгч хоёрын гэрийг заалгаж очиж байсан. Цэдэн­дамба эгчид загнуулдаг юм аа. “Хэн чамайг замын унаа­гаар хэл үг ч үгүй хотод ир гэсэн юм” гээд авч өглөө. Тэгэхээр нь “Төв театрын Лувсаншарав гэдэг хүн ир гэсээн” хэмээн хэнэг ч үгүй гүрийлээ. Тэгтэл юу болсон гэж санана. Өнөө Лувсан­шарав гуай дээр чинь ах эгч хоёроо дагуулаад  очтол хөөгдөөд гардаг юм. “Би чамайг дуудна гэсэн биз дээ. Чамайг хавар ир гээ биз дээ нөхөр минь” гэж загнуулаад, ах эгч хоёрт бас загнуулаад инээдмийн л юм болсон доо. Ингээд жаран оны гурав­дугаар сарын 15-нд Дуурийн театрт орж байлаа. “Чамайг найрал дууны ангид авна. Гэхдээ нөхөр минь чи эхлээд манаач хийнэ” гэв. Хэлснээр нь Дөчин тав хоног Дуурийн театрын манаач хийж бай­гаад найрал дууны ангид орсон түүхтэй.

Таныг Болгарт сур­гуу­льд төгсч ирээд Дуурийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байсныг хүмүүс мэднэ. Анх ямар дуурьт дүр бүтээж байснаа сонир­хуулахгүй юу?

-Д.Лувсаншарав багшийн “Ханбүргэд” дуурь юм. Ман­лайбаатар Дамдинсүрэнгийн тухай дуурь л даа. Түүнд нэг урвагч золигийн дүр бий л дээ. Түүнд бэлтгээд жигтэйхэн юм боллоо. Ижий аав хоёроо урьж үзүүллээ. Гадаадад таван жил сураад ирсэн, өөрийгөө бол мундаг л гэж бодоод байгаа. Гэтэл өнөө дуурийг үзээд хоёр хөгшний сэтгэл хөдөлж байгаа юм алга аа. Би ч тэсэлгүй асуугаад автал ээж “Чи чинь тэгсгээд л үхчих юм. Түүнээс өөр дүр чамд олдсонгүй юу” гэдэг юм. Тэгэхээр нь “Ээж минь дээ би ямар сайн дурандаа үхэж байгаа юу. Дүр маань өөрөө тийм юм чинь. Ээдрээтэй, тэмцэлтэй гоё дүр шүү дээ” гэлээ. “Гоё ч гэж дээ, амьтны муу үзэж байгаад л үхчихнэ лээ” гээд тун ёозгүй байна. Хүний эх эцэг хүүгээ тайзан дээр хүртэл сайн сайхан бай­гаасай, гоё дүр бүтээгээд мандаасай л гэж боддогийн билээ. Харин дараахан нь “Учиртай гурван толгой” дуу­рийн Юндэнд тоглолоо. Ижий аав хоёроо бас л урь­сан. Магнай нь жаахан тэний­сэн байх. “Ардын элч”-ийн Ариу­наа буюу гавьяат Цэвэл­сүрэн Нансалмаад, Балганд ардын жүжигчин Жаргал­сайхан, Хо­ролмаад манай Булганы теат­рын Пүрэвсүрэн эгч тоглож байсан юм.

Хатанбаатарын тухай асуулгүй өнгөрч боломгүй санагдана. Өөрийг тань хү­мүүс Эрдэнэбулган найруу­лагч гэхээсээ илүүтэйгээр Хатанбаатарын дүрээр хараад байдаг?

-Эрдэнэбулган гэхээсээ илүүтэй Хатанбаатарын дү­рээр хараад байдаг гэж өөрөө хэллээ. Үнэн юм аа. Наад чинь л надад тамтай байдаг. Энэхэн амьдралд эр хүнд чинь алдах онох зүйл зөндөө л байна. Гэвч Хатанбаатар гэдэг талаас хүмүүс хараад зовлонтой л доо. Энэ зовлон бол миний бие Хатанбаатарт тоглосноор нэмэгдэж буй зүйл биш юм. Гол нь Хатан­баатар Магсаржав гэж хүний Монголын түүхэнд үлдээсэн сүр хүчний өмнө өчүүхэн би өвдөг сөхөрч буй явдал. Тий­мээс  төвшин байхыг хичээдэг. Уг нь би идэр залуу үеэ бодо­ход тийм ч томоотой төлөв даруу хүн биш л дээ. Даруух­наар хэлэхэд, зүггүй эрчүү­дийн нэг явсан. Дашням гэж багшийнхаа чихийг үргэлж халууцуулж, захирлын өрөөнд олонтаа дуудуулсан хүн. Багш маань Дашзэгвийн Сэнгээ зохиолчийн дүү бай­лаа. Тийм л зүггүй нөхөр Хатанбаатарын дүрийг бү­тээс­нээс хойш Баатар ван­гийнхаа сүр хүчинд номхон байсан юм болов уу. Номхон байлаа гээд “нохой”-д до­лоолгуулаад хэвтэхгүй нь лав. Гэхдээ уг кино зохиолыг бич­сэн Сономын Удвал гуай, найруулсан Г.Жигжидсүрэн энэ хоёрыгоо би дотроо сүсэлж, тэр сайхан дүрээ надад өгснийх нь хариуд муу муухайгаар хэлүүлчихгүй юмсан хэмээн бодож өдий хүрчээ. Нэгэнт л энэ сэдэв рүү өнгийсөн болохоор Баатар вангийнхаа тухай хэд гурван зүйлийг хэлье. Тэр хүн хар амьдрал дээр эх баригч, эр­дэм номтой, бурхны номтой, Чойжин буудаг байжээ. Энэ бүгдийг нь би номоос үзсэн.

Хатанбаатарт тоглож байхдаа улаан ягаан дээл өмсдөг. Уг дээл ч юм уу, ер нь тэрхүү киноноос дурсгал болгон хадгалсан зүйл бий юу?

-Ухаан
муутай хүн чинь хэцүү юм аа. Юм хум авч үлдэхээ мэдэхгүй юм. Гэхдээ тэр үед бүх зүйл улсын бүрт­гэлтэй байсан хатуу цаг. Кино дууслаа л бол бүх зүйлээ  хураагаад авчина. Ганц нэг юм үлдсэн бол, ухаандаа өөрийн чинь хэлж буй дээ­лийг аваад үлдчихсэн бол Бугат сумын­хаа музейд та­вихгүй юу. 

Та Дуурийн театрын ерөн­­хий найруулагчаар ажиллаж байхдаа дэлхийн болоод өөрийн орны сон­годгуудыг тавьж байсан даа. Тэр тухайгаа ярихгүй юу?

-Миний
бие 30 гаруй дуурь тавьсан байдаг. Монголын болоод дэлхийн сонгодгуу­даас шүү дээ. Үүн дотроосоо Оросын болоод Итали, Франц, Германы сонгодог бүтээлүүдийг багагүй тавьж байжээ. Монголоос бол Дам­динсүрэн, Мөрдорж, Гончиг­сум­лаа, Лувсаншарав, Да­рам­загд, Жанчив нарын бү­тээлүүдийг тоглуулах гэж үйл тамаа идэж байлаа. Дуурийн театрын тайзнаа дуурь та­вина гэдэг үнэндээ амар ажил биш. Үүнээс гадна өөрийгөө жаахан дөвийлгөх нэг зүйл бий. Тэр нь юу вэ гэвэл Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал, Б.Шарав, Г.Алтанхуяг нарын нэгэн үеийн авьяас билэгт хөгжмийн зохиолчдыг миний бие дуурийн театр руу уруу татсан. Багтаж ядсан авьяас билгийг нь дуурийн томоохон бүтээлүүдэд сорьсон. Гэхдээ тэдэнтэй хэл амаа шууд олол­цоод, өнөөдөр манайдаа сонгодог гэгдэж буй дууриу­дыг бичүүлчихээгүй юм аа. Хэрэлдэхдээ хэрэлдэж, хэл­цэхдээ хэлцэж, сайдаж муу­даж явсан. Зарим үед тэднийг тоншоод авсан нь ч бий байх. Гэвч жинхэнэ уран бүтээлчид нэгэндээ гомдож тунирх­даг­гүйн жишгээр явж иржээ. Би бол залуучуудтай ажиллах,  залуу хүний бодол сэтгэл­гээгээр аливааг туурвих дуртай хүн. Билэгжаргалын “Ламбугайн нулимс”, “Гэрэл сүүдэр”, Нацагдоржийн “Үүлэн заяа”, “Өгөдэй хаан” дууриуд бол үнэндээ шинэ урсгал, цоо шинэ аялгуу бай­лаа. “Ламбугайн нулимс”-ыг, “Үүлэн заяа”-г үзсэн гадны нэртэй судлаачид тухайн үедээ “Дэлхийн сонгодгууд­тай эн зэрэгцэхүйц бүтээл болжээ” гэж хэлж байсан. Тэгэхээр миний хөтөлж оруулж ирсэн нэгэн үеийн хөгжмийн аваргууд Монголын дуурийн урлагт шинэчлэл хийсэн гэж бахархан бодох дуртай.   

Амар сайдын тухай кино хийхээр зорьж явна гэж дуулсан?

-Би
бол аймшигтай хоёр амьтны нутагт төрсөн хүн. Түүнийгээ олонд хэлээд бөх шиг даналзах дуртай. Хан­жаргалантынхаа орой дээр гараад дэвмээр бодог­дох үе бий. Тэр хоёр аварга амьтны нэг нь Чин ван Ханддорж. Нөгөө нь Агданбуугийн Амар юм. Монголын түүхэнд Ерөн­хий сайдаар ажилласан хү­мүүсийн дундаас торойж бай­гаа нь Амар гэж би боддог. Агуу эх оронч, суу билэгт эрдэмтэн байж шүү. Би өөрөө түүх сонирхох дуртай хүн. Тэгээд л Амар гуайнхаа тухай нэг “юм” хийчихсэн гэж олон жил шаналж явна. Болох болов уу ч гэж горьдож байна. Хэрвээ бүтэхгүй бол би үхэх ч эрхгүй л хүн дээ. Эх орон, тусгаар тогтнол, журмын нө­хөд, ард түмэн, Монголынхоо төрд чин үнэнч явснаараа тэр хүн харийн нутагт амиа алдсан. “Улаан Оросыг би хүндэтгэхгүй. Харин Оросын ард түмнийг бол хүндэтгэнэ” хэмээн тийм хэцүү цагт үнэнээ өчиж байсан. Монгол хүн өөртөө эзэн байж, Монголын төр өөрийгөө л авч явах учир­тай, Монгол Улс хоёрхон хөрш оронтойгоо харилцаж болохгүй, дэлхийн улс ор­нуудтай өв тэгш харилцах учиртай гэж хэлснээрээ тэр хүн буруудсан л байхгүй юу. Өнөөдрийн бидний зүтгээд байгаа зүйл ердөө л энэ. Үүнийг Амар гуай зуун жилийн өмнө харж байжээ. Амар гуайнхаа тухай кино хийчихээд ус нутгийн олноо, Монгол түмнээ баярлуулах гэж бодох юм. Энэ бол уран бүтээлч миний сүүлчийн зо­рилго юм аа.             

Дуурийн театрын та­лаар та ихэд бухимдалтай явж буй нь мэдрэгддэг. Юунд тэр вэ?

-Сүүлийн
хорин жил Монголын дуурийн театрт тун хүнд байдалд орсон. Ой­рын арван жилд бүр элгээрээ харуулдсан гэж хэлж болно. Намайг ингээд хэлэхээр за­рим нэг хүмүүс “Дуурийн театр гайгүй л байгаа шүү дээ. Янз бүрийн тоглолт болоод өнгөтэй өөдтэй л яваа” гэж хэлж болно. Тэгвэл уучлаа­рай. Цагтаа наяад балетийн бүжигчидтэй, мэргэжлийн бо­ловсон хүчин бүрэн хангагд­сан, жар гаруй найрал дуу­чидтай, Монголын бүх л шил­дэг уран бүтээлчид ажиллаж, Азид ганц гэгдэж байсан театр шүү дээ, бурхан минь. Ардын зураач Гаваа, удир­даач Жамъянгийн Чулуун, хөдөлмөрийн баатар Д.Лув­сан­шарав нарын таван хүн анх тулгын чулууг нь босгосон газар юм. Зах зээлийн ний­гэмд улс орон минь шилж ороо бусгаа байсан цаг үе бидэнд бий. Одоо бол нэг үеэ бодоход бүх зүйл сайхан болсон. Улс орны минь хөг­жил урагшаагаа явж байгаа. Харин урлаг соёл минь зогс­чихоод байна. Дуурь, бале­тын урлаг үндсэндээ сонго­дог урлагийн байгууллагыг удирдаж байгаа хүн Монгол­доо боловсрол эзэмшихээс гадна олон улсын сургууль заавал ч үгүй төгссөн байх ёстой. Яагаад гэвэл энэхүү Дуурийн театрт чинь дэлхийн хүн төрөлхтний хөгжмийн урлагийн сор болсон бүтээ­лүүд тоглогдож байгаа шүү дээ.  Тэгэхээр тархи нь цартай байх учиртай. Зүгээр нэг шоу­чин биш шүү. Сүүлийн жи­лүүдэд Дуурийн театр маань яагаад элгээрээ хэвтчихэв гэхээр бид боловсон хүчний бодлогод алдаа гаргасан. Г.Эрдэнэбат гэж залууг тави­лаа. Тэр хүн Монголын ард түмэнд хүндлэгдсэн дуучин. Тэр хүн сайхан дуучин байс­наас сайн удирдагч, сайн зохион байгуулагч байж чад­сангүй. Миний шавь л даа. Гэхдээ би үнэнийг л хэлж байна. Бусад шиг тал тал тийшээ далчиганаж явдаг хүн би биш. Эрдэнэбат шоу мая­гийн нөхдийг театрын удир­дах бүрэлдэхүүнд оруулж ирсэн. Тиймээс замбараагаа алдсан. Зүгээр нэг олны нү­дийг мялаах төдий арга хэм­жээ явуулсан. Дуурийн урлаг гэдэг нүд баясгадаг урлаг биш ээ. Хүмүүний зүрх сэтгэлийг урдаг, цэнгүүлдэг, дотроос нь яргадаг юм бодуулдаг гай­хамшигт урлаг билээ.

Эрдэнэбатын үед тийм байж. Сэргэлэн даргын үед ямар байв. Та бол элгээрээ харуулдсан гэж хэлээд байгаа?

-Манай
Сэргэлэнд авах юм бий. Тэр бол сайн балет­чин хүн. Гадаад бодлогын асуудал дээр сайн менеж­менттэй ажилласан болов уу. Харин удирдлага, зохион байгуулалт дээр мөн л маш том алдаа гаргасан. Үүнийг би өмнө нь Сэргэлэнд ч, Эр­дэнэбатад ч хэлж байсан. Би бол аливаа юмыг ил ца­гаан шударга хэлдэг. Ухаан­тай хүн боловсрол мэдлэгтэй, чад­вартай хүмүүсээр өөрий­гөө хүрээлүүлдэг. Ухаан муутай удирдагч өөрт нь морь нохой мэт зүтгэхээр, өөрийг нь үр­гэлж магтан дуулж явдаг тийм нэг зусарч нөхдөөр өөрий­гөө хүрээлүүлдэг. Сэргэлэн дандаа боловсрол мэдлэг дулимаг, дуурийн ур­ла­гийн үүх түүхийг байтугай дуурь гэдгийг ч мэддэггүй тийм хүмүүсээр өөрийгөө хүрээ­лүүлээд эцэст нь өөрийгөө идүүлээд л дууссан. Өнөөдөр дуурийн театрт сайн хори­мейстр байна уу, байхгүй. Найрал дуу гэж хамгийн гол зүйл өнөөдөр дуугаралтын балансаа алдсан. Симфони оркестрын гол гол хөгжмүүд алга болсон. Сайн дурsн уран сайханчдаар хөгжим бичүү­лээд, сайн дурын уран сайханчид түүнийг нь тоглож байгаа. Би үүнд балетыг хэлж байна. Уран сайхны зөв­лөлийг Б.Жамьяндагва гуай толгойлж байгаа. Тэр хүн ингэхэд юу хийсэн юм бэ. Сонгодог юм хийнэ л гээд байдаг. Ерөөсөө л ярьдаг хүн байхгүй юу. Түүнээс юмыг бүтээдэг хүн биш л дээ. Дуу­рийн театрын ерөнхий удир­даач гэж нэг хүн байна аа.

Урлагийн гавьяат зүт­гэлтэн Н.Туулайхүү биз дээ?

-Тийм
ээ. Тэр нөхөр гадуур л поп оркестр гэсэн юм тоглоод явах юм. Үндсэндээ халтуур хийгээд яваад бай­гаа. Нэг ч симфони хөгжим хийсэнгүй. Жамсранжав байх­даа хийдэг л байсан. Ж.Бүрэнбэх л хааяа нэг юм хийж байгаа харагдах юм. Ерөнхий найруулагч нь Г.Эрдэнэбаатар гэж миний шавь залуу байна. Түүнд хийж байгаа юм бас алга аа. Дуу­чид нь чамлаад, хөөрхий­лөлтэй нэг амьтан байж л байх юм. Театрт тоглогдож байгаа бүтээлүүдийг харахаар жү­жиг­чидтэйгээ, концерт­мейст­ртэйгээ ажилласан юм нэг ч алга. Ингэж болохгүй ээ. Ака­демик театр гэчихээд “Түмэн эх”-ийн, цэргийн чуулгын бү­жигчдийг авчраад балетад тоглуулж байх юм. Хөгжим бүжгийн балетийн ангийн хүүхдүүд манайд академик театрын бүжигчид болоо юу даа. Ийм л өрөвдмөөр бол­жээ, Монголын дуурийн театр. Дэлхийн жишигт хүүх­дүүдийг таарсан дүрд тоглуу­лах зүйл бий. Гэхдээ манайх шиг арай ч ийм биш дээ. За тэгээд гоцлол дуучид гээд шижигнэсэн хорин хэдэн дуу­чин байна. Тэд чинь ажил­гүй байна ш дээ. Тэдэнд ажил хуваарилахгүй байна ш дээ. Дуурийн театрын гоцлол дуучид гэж томорчихоод за­хын нэг зохиолын дуучнаас нэр хүндийн хувьд, ахуй амьдралын хувьд ч долоон дор байна.  Дуурийн театрын удирдлагуудтай одоо тооцоо бодох цаг болсон. Эрдэнэбат, Сэргэлэн хоёр ажлаа өгөөд явсан учир одоо юу ярих билээ. Харин одоо байж бай­гаа Жамъяндагва, Туулайхүү, Эрдэнэбаатар энэ хэдэд ха­риуцлага тооцох цаг болсон. Намайг ингээд үнэнийг нь хэлэхээр “Эрдэнэбулган дуу­рийн найруулагч болох гээд…” гэж магадгүй. Би бол үеэ өнгөрөөсөн хүн. Надад тэнд ажиллах нас боломж байхгүй. Харин хувь заяагаа тэр театртай холбож, тэндээс л ханьтай болж амьдрал минь эхэлсний хувьд бусад шиг чимээгүй байж чадахгүй. Ши­нэ удирдлагуудад ч үгээ хэл­нэ, шүүмжлэхээ шүүмжилнэ. Ийм л байна.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Данзанравжаа хутагтын хойд дүрийг сурвалжилсан нь

“Өдрийн сонин”
Дорноговь аймаг руу сэтгүүлчээ томилолтоор илгээж Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн
шинээр тодроод байгаа есдүгээр дүр О.Угтахбаярын талаар
цуврал сурвалжлага уншигчдадаа хүргэсэн билээ. Эдгээр сурвалжлагыг бүрэн эхээр
нь хүргэж байна.

тэмдэглэл-1

Сайншандын галт тэ­рэг­ний буудал дээр шө­нийн 01 цаг гучин таван минутад ирлээ. Гар цүн­хээ бариад хамт ирсэн нэгний ачаа бараанаас үүрэлцээд буугаад иртэл Лхагваа маань (яруу най­рагч Бямбаагийн Лхагва­дорж) “А” зэрэг­лэлийн суудалд суусныг хэдийнэ мэдчихсэн, хаалганы өмнө тосоод зогсож бай­на. Олон таван үггүй тун даруу тэрээр “Гэнэт наашаа явах ажил гарав уу. Найз нь унаа тэрэг зохицуулчихсан” гэснээс өөрийг хэлсэнгүй. Галт тэрэгний зогсоолын ёлтой­сон гэрэлд анд минь адуун цагаан шүдээ­рээ инээмсэглэх нь нэг л сайхан. Өнөө л дотнын төрх, цаанаа л эрхэмсэг байдаг найрагчийн царай мөн дөө.

Өдгөөгөөс арваад жилийн тэртээд Арлааны Эрдэнэ-Очир найрагч Равжаа хутагтын нутгаа үзүүлэх гэж хотоос оюутан намайг дуудаж яг л энэ буудал дээр, яг л энэ цагт сэгсийтэл зогсоод хүлээж байлаа. Тэгэхэд намар оройн туналзсан ягаан салхитай үдэш байсан сан. Энэ удаа бол хаврын дунд сар дөнгөж цухуйж буй урин цаг юмсанж. Төмөр замын цардмал цагаан шатны урдхан талд хар ногоон “ланд” өмнө зүг рүү хараад зогсож байна. Лхагваагийн бэлдсэн унаа морь ажээ. Жолооч нь Баяраа гэж үе тэнгийн даруухан залуу байна.  Ингээд Сайншандын зүүрмэг­лэж ядаж буй нойрмог шөнөөр эрхэм нөхрийндөө хүрч очлоо. Гуч гарч буй ганц бие, тэгээд найрагч залуугийн гэр орон гэдэг ямар л олигтой байхав дээ. Уул нь мань эр нягт нямбай хүн л дээ. Гэхдээ ундуй сундуй л харагдана. Дутуу уншаад орхисон номынх нь хуудас дэлгээтэй хэвээр хал­бага, сэрээ энэ тэртэй нөхөрлөөд гал тогоо хавиар байх жишээний.  “Найз нь цуйван хийгээд ээ” гэж байна. -Чи чинь хө, нэг “юм”-тай болсон гээд байсан, яасан билээ гэж би гэдэг хүн ямар ч эв хавгүй, хээ шаагүйхэн асуугаад авлаа. -Нэг бүсгүй бий. Өнөөдөр тэдний­хээс урвачихлаа. Найз минь хотоос ирэх гэж байна гэж гараад буцаж очсонгүй. Унаа тэрэг гэж захаар баахан давхиад, Хөвсгөл сум руу явдаг машин гэж алга. Хатан­бу­лагийн нэг жаран есийг хөлсөлчих санаатай ярьсан чинь хэд гурван зорчигч авчихсан байж. Тэд нь уурлаад хавьтуул­даггүй. Тэгтэл харин Баяраа маань яваад өгье гэдэг юм. Энэ чинь саяхан хот хүрээ орж, энэ “Ланд 80”-ыг авч ирээд байгаа хүн л дээ хэмээн баахан учирлалаа. Найз бүсгүйнхээсээ оргоод, гэртээ ирж адууны мах чанаад, цуйван хийгээд гээд хөөний л юм яриад байна. Гэхдээ уг яриа хөөрөөний завсар тийм нэг чин сэтгэлийн, анд нөхөр­лөлийн эдүгээ цагт бол тунчиг ховордсон бараа сэлт хавчуу­лаастай байгаа нь илт шүү.

Ингээд гурвуул хар ногоон ландтайгаа гарч өглөө. Шөнийн хоёр цаг өнгөрч байгаа. Замаараа Эрдэнэбаяр гэж залууг авлаа. Шөнө дөлөөр явах учир зам сайн мэддэг  хүн хэрэгтэйг Лхагваа юу эс андах билээ. Эрдэнэбаяр бол ээжийн талаараа Хөвсгөл сумынх ажээ. Өөрийнх нь төрсөн нутаг Алтанширээ сум юм байна. Төрийн шагналт Балжирын Дог­мид, соёлын гавьяат зүтгэлтэн Галсангийн Жамъян, Шагдарсүрэн­гийн Гүрбазар гээд олон авьяаст­ны, адармаатай нөхдийн өлгий нутаг даа, Алтанширээ гэдэг чинь. Бид дөрвийн говийн тунгалаг шөнөөр зорьж яваа Хөвсгөл сум Сайншандаас нэг зуун дал гаруй километрийн алсхан бий. Говийн тавдугаар ноён хутагт Данзан­равжаагийн төрж өссөн газар Шувуун шанд, Дулаан харын уул Хөвсгөл сумын нутаг тал руу байд­гийг миний бие өмнө нь хэд хэдэн удаа дөрөө мулталсных мэдэх билээ. Тэгтэл догшин хутагтын тэр л ус нутгаас хойд дүр нь тодорсон мэдээ сүүлийн үед чих дэлсэх болсон. Нарийвчилбаас, Дорно­говь аймгийн Хөвсгөл сумын уугуул Отгон-Амжилтын арван хүүхдийн нэг Угтахбаяр гэж залууг Говийн ноён хутагтын ес дэх дүрээр тод­руулж, Дээрхийн гэгээнтэн ёсчлон баталж, түүнийг нь Хамарын хийдийн тахилч Зундуйн Алтангэрэл тэргүүтнүүд олонд зарласан билээ. Дорнын говиос, Хөвсгөл сумаас тодорсон гэгээнт­нийг сурвалжлахаар Сайншанд-Замын-Үүдийн галт тэргэнд санд мэндхэн суусан минь энэ буюу. Гэхдээ есдүгээр хутагтынхаа эрдэм чадлыг, номын авшиг буяныг нь сурвалжлах гэж зорьсонгүй. Зүгээр л энгийн борог амьдралыг нь олонд бага ч болов үзүүлэхийг эрмэлзсэн хэрэг ээ. Гэгээнтний ижий аав нь  чухамдаа ямар хүмүүс байх, нут­гийн зон олон ямархан санаа бодолтой баяр хөөртэй байхыг, ах дүү амраг садангаар нь нэг буугаад мордъё, тэд юу ярих нь уу, багын нөхөд хийгээд багш нартай нь нэг уулзъя, сургууль соёлоор нь оръё гэж гэнэтхэн шийдээд найз бүс­гүйн­хээ өвөрт нялуурч хэвтсэн Лхагваагаа хөөж босгон, Баяраа­гаар морин жолоочоо хийлгэж, Эркаг хар шөнөөр мөн л халуун хэвтрээс нь аваад гарч явна. Мон­гол орны хаана ямар л үйл явдал болно аймшгийн хэрэг төвөг, уул уурхайн дэлбэрэлт, нинжа нарын тулгаралт, энгийн гэмгүй иргэд амиа алдаж, эрх чөлөөгөө эдэлж ча­дахгүйд хүрэх, өмнийн говь Нэмэг­тийн хөндийгөөс өнөө алдарт Батаарын яс алга болсон хийгээд Завханы Тэс-Монголын хойд хил дээр буун дуу гарсан зэрэг бүхий л зүйлд “Өдрийн сонин” очиж уншигч олондоо үнэн зөвийг хүргэсээр ирсэн. Усан могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарыг  Монголынхоо зүүн хязгаарт угтаж, манай Т.Цогт-Эрдэнэ сэт­гүүлч шуудангийн тэрэг бүү хэл, шувуу ч үзэгдэхгүй зүүн хязгаарын заставт хэдэн бор цэрэгтэй зургаа татуулж “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрэн дээр гарч байсныг уншигч олон мэдэж буй. Энэ л уламжлалыг хадгалж намайг ийнхүү хутагтын нутаг руу “шидсэн” бөлгөө.

Яралзтал газрын цээжинд морьд гараад ирдэг шиг яах ийхийн зуургүй Дулаан харын ууланд хүрээд ирлээ. “Дулааны харын ууланд Саран хөхөө донгодно л…” гэх нь бий. Равжаа хутагт Саран хөхөөний намтраа энэ газар усанд задгай хээрт тоглуулж байсан түүх бий. Зүүнбаянгаар дайраад өнгөрөх  зуурт Догмид ахыг ярьж бүгдээрээ баахан инээлд­лээ. Санхүүгийн техни­кумын нэгдүгээр ангийн оюутан Шар хадны архины тасагт хэвтэж байгаад Чойжилын Чимид гуайд хөөгдсөнийг нь, Сайншандаас Зүүнбаян орох тавиадхан кило­метрийн хооронд гар өргөөд суу­сан цагаан паарчигтай охиныг гэргийгээ болгоод авсныг нь, Дор­но­говьд нэр дэвшихээр лут амьтан ирж Жагдалын Лхагваагаа мене­жер болгоод буруудсан хөгийг нь ярьж явсан юм. Шөнийн харан­хуйд лүглийсэн ат шиг амьтад Дулаан харын овоог нар зөв тойрч чулуу нэмэрлээд, дуу дуугаа авч яриглан чоно шиг сунайлдав. Говийн шөнийн оддын туяа овооны зах бэлийн чулуунд талстана. Гурав­дугаар сарын хөхөмдөг салхи энгэр заамаар шургалан, хацар нүүрийг илбэх нь цаанаа л уясуу. Дөрвүүл нэгэнтээ бие сэргэж аваад машин­даа сууж адуун махнаасаа гул­гуу­лан умс, хятай зэргийг баа­хан амтархан идээд цааш хөдөл­лөө. Замын хажуугаар бударгана баг­сайл­даж, заг, хайлаас тэргүүтэн сүглийлдэнэ. Цагаан зээр гэрэлд хаа нэгтээ үзэгдэж, туулай хоёр чихээ сортолзуулаад зам хөндлөн давхина.

“Шувуун
шандад үүр хаяарахыг харах гэж л найз нь шөнө дөлөөр гарахын хүслэн болсон” хэмээн Лхагва маань үнэнээ хэлж байна. Бидний яриа есдүгээр хутаг хий­гээд зорьж яваа газар усны тухай үе үехэн үргэлжлээд л байгаа. “Хутагтыг Хамарын хийдэд нь залчихаад буцаж явахад би яг таарч билээ. Алтангэрэл тахил­чийн хар жийптэй ижил хар машин, номер дугаар нь ч их адилхан машинд шар хадаг яндар болсон залуухан лам дэргэдүүр өнгөрсөн нь хутагт маань байж шүү дээ” гэж Баяраа өгүүлж байна. Үүнийг залгуулаад нэг нь “Хутагтын хөлөг­лөж яваа хар “хоёр зуу”-г хаанаас өгсөн гэлээ дээ” хэмээн үгийн хачир болгоод авлаа.

“Шувуун
шандаас баруухнатай нэгэн суварга босч байгаа. Хэдүүлээ замаараа дайрна. Уг суварганы цаахна хутагтын ижий аавынх нутаглаж байгаа” хэмээн Эрка энэ л газар устай эхийнхээ хүйгээр холбоотойн учир нэгд нэгэнгүй ярьж байна аа. Тэрээр аавынхаа нутаг Алтанширээгийн засаг ноёноор дөрвөн жил ханай­гаад халаагаа өгчээ. Одоо аймгийн төвд хувиараа ажил эрхэлж байгаа гэсэн. Манайхны хэлдгээр “чөлөөт уран бүтээлч” гэдэг шиг л юм даг уу даа.

Нээрээ чиг үүр хаяарахын алдад Шувуун шандад хүрээд ирлээ шүү. Зам бараг л гажсангүй. Төөрч будилсангүй туушхан л давхиад ирлээ. Үүр хаяарахын өмнө болоод тэр юм сан уу, салхи гэдэг чинь ёстой салхи байна. Өнөө хавирга нэвт үлээнэ гэдэг шиг хаа хүү байна. Өвлийн зузаан курткээ гар цүнхэндээ чихээд хийчихсэн, дан ноосон цамцан дээр торгон савхитай гангараад байсан чинь бишдээд явчихлаа. Шувуун шан­дын салхинд өөрийн эрхгүй чичир­дэг байна шүү. Гэвч ажир­сангүй ээ. Анд нөхдийнхөө халуун сэтгэлд нөмөрлөсөн шигээ  Равжаа хутаг­тын­хаа гэрэлт суварганы өмнө мэхийн зогссон. Бүрэг бараг­хан төдийд элсээр шуурсан хаврын хавсаргыг сөрж, Шувуун шандын нарийн шаргал элсэнд гутал зоог­донгуй байсан ч нэг л мэдэх нь ээ уулсын хөтөл дээр гэрэлтэн сацрах ариун шүншигт хөшөөнийх нь дэргэд ирсэн байв. Энэхэн цаг мөчид Лхагваа минь яруу найраг­чийн сэтгэлээр хүүхэд шиг баясан “Найзынх нь хорин жилийн мөрөө­дөл биеллээ” гэж дал мөрийг минь алгадав. Тэрхүү баяр хөөрийг нь улмаа бадраах гэсэн мэт дорнын талаас үүрийн цагаан гэгээ алд алдаар туяарч байлаа. Ийнхүү догшин хутагтын нутагт дорноос мандах наранд залбирч, гэрэлт суварганых нь өмнө гэгээ татуулж зогсох цаг мөч ирдэг л юм байна. Өнөө цагт толгойтой бүхэн л энер­гийн тухай ярьж, Равжаагийн Ха­марын хийдийг бөөн бөөнөөрөө зо­рих болсон. Сүм суваргад нь мөр­гөж, Хар ууланд нь сүсэлж, зуун найман агуйд нь бараг л гэгээрч аваад буцдаг гэж байгаа. Тэгвэл Хамарын хийдээс гадна төрсөн бууц Шувуун шандад нь үүрийн гэгээнээр ирж, наран мандах цаг дор Дорнын говь нэлдээ алтран шаргалтахыг харахуйд нүдний манан арилах шиг болдог юм билээ гэдгийг энэ дашрамд дуулгачихъя.

Эрдэнэбаярын хэлээд бай­санч­лан Шувуун шандын цаах­натай суваргаар дайраад гарлаа. Цэцэг-Өлгий гэж залуу уг бүтээн байгуулалтын ажлыг удирдаж байна. Сайд нарын зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан Монгол төрийн нэгэн түшээ Ч.Сүрэн гэж байсныг манайхан мэднэ дээ. Тэр хүн Хөвсгөл сумын унаган  иргэн байжээ.  Аавынхаа дурсгалд зориулж үр хүүхдүүд нь тэрхүү суваргыг бүтээлгэж байгаа юм байна. Догшин хутагтын төрсөн бууцан дээрээс өглөөний наранд оройн ганжир нь алтраад байгаа нь тодхон үзэгдсэн суварга үнэхээрийн сүрдмээр юм аа. Төр түмнийхээ төлөө зүтгэж ирсэн аавынхаа дурсгалд үр хүүхэд нь байгаа бүхнээ зориулж буй нь илт. Суваргын өндөр дөчин таван метр гэсэн байх шүү. Тойргийн хэмжээ хэчнээн ч найман ханатай гэрийн буурьтай тэнцэх юм бэ дээ, бүү мэд.

Цэцэг-Өлзий биднийг “Багшийн гэрээр нэг ороод гар даа” гэв. Ёотон шиг дөрвөлжин олон цагаан байшин­гийн дээхнэ талд нэгэн гэр байсан нь багшийнх нь өргөө ажээ. Багш нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбат гэнэ. Хэд хоноод л нисдэг тэргээр ирж өргөөндөө морилж, суварганы бүтээн байгуу­лалттай танилцдаг гэж байгаа. Гэрийнх нь хойморт шар хадгаар баринтагласан олон судар ном давхарлаастай байна. Тэнд өглөө­ний цай цүй барьчихаад цааш хөдөллөө. Шинэхэн тодроод буй есдүгээр хутагтын аав ээжийнх Цувираагийн хийдийн дээхнэ, Улаан хошуунд хаваржиж буй. “Отгон-Амжилт ах, Өргөнцагаан эгч хоёртой бараг л ах дүүгийн барилд­лагатай явдаг. Гэрээр нь орж гарна, хооллож ундална. Цагаан сарын дараа золгох гэтэл эзгүй байгаа дуулдана. Дараахан нь сураад байтал бүр байдаггүй. Гадагшаа явсан ч гэх шиг. Саяхан л хүүхдээс нь мэдлээ шүү дээ” гэж суварганы Цэцэг-Өлзий хэлж бай­сан. Тэгэхээр ойр хавийнх нь хүмүүс нарийн учрыг сайн мэдээгүй л байгаа бололтой. Ямар хүүхэд нь гэнэтхэн гэгээнтэн болоод улс даяар шуугиад явчихав гэдгийг зарим нэг нь ухаж төвдөөгүй нь нутгийн захаас л мэдрэгдэж байсан.

Цувираагийн хийдийг чанх урдуур нь эмжээрлэн өгсөж, Хөвс­гөл сум руу хөтлөн туушиндах төв замаас баруун хойшоо салж дав­хиулсаар хот айлд ирлээ. Хотоос зорьж ирсэн айл маань энэ шүү дээ. Хоёр гэрийн гадаа нэг нэг хужаа мотоцикль ёс юм шиг л байж байна. Баруун гэрийн хатавчийг  шар “жаран ес” налаад “хэвт­чихэж”. Гэрийн урдхан дөнгөж саяхан гарсан бололтой нойтон ботго унаж босон чүүчигнэж, хажуу­ханд нь хүрэн улаан ингэ хавь ойрыг сүрхий чигч ширтэнгүй зог­соно. Хоёр гэрийн зүүн талынхад нь орлоо. Есдүгээр хутагтаар тодорсон Угтахбаярын ах Эрдэнэ­батынх ажээ. Эрдэнэбат гэргий хүүхэд болоод өөрийн төрсөн дүү Мэндээгийн хамт байж байна. Аав ээж нь хараахан ирээгүй гэнэ. “Манай хоёр чинь яваад удаж байна. Одоо аймгийн төвд байгаа сурагтай. Түрүүнд Мэндээг хажуу талын толгой дээр гаргаж утсаар яриуллаа. Үдээс хойшдоо гарах гэнэ” гэж гэрийн эзэн өгүүлэв. Гэгээнтний ах Эрдэнэбатад ч тэр, төрсөн дүү Мэндээд ч тэр ерөөс энэ айл гэрээс хутагт төрсөн шинж алга шүү. Байдаг л амьдрал байгаа­гаараа л байж байна. Өөр яах ч билээ дээ, гэхдээ гэрийн эзний яриа хөөрөөнөөс дүүгийнх нь тухай тодруулбал, хутагтын талаар ганц ч үг гарсангүй. Тэрээр хаваржилтын байдал, ингэ ойр ойрхон ботголж байгаа зэрэг хөдөөнийхөө л өдөр тутмын сониноос дуулгаж байлаа. “Танай гэрээс Говийн ноён хутаг­тын хойд дүр тодорлоо доо. Энэ мэдээг хэзээ дуулав” гэхүйд, Эр­дэнэ­бат “Тийм гэсээн. Утсаар нэг ярьтал аав ээж хэлсэн” гэхээс өөр хариулт өгсөнгүй. Мэндээ дүү нь зүүн орон дээрээ тэрийж хэвт­чихээд ер чимээ аниргүй шүү. Баруун талын гэр нь мэдээж аав ээжийнх нь гэж байгаа. “Аав ээж хоёрыг ирвэл нүүх санаатай байна. Шар өтөгнөөсөө ядахдаа салъя даа” гэх санаагаа шуудхан хэлээд авсан. Есдүгээр хутагтын төрсөн гэр, ах дүү нар нь нэг иймэрхүү огтоос ажиг сэжиггүй байж байлаа.

тэмдэглэл-2

Шинээр тодроод буй есдүгээр хутагтын төрсөн гэр болоод Эрдэнэбат ахынх нь сумын төвөөс зүүнтээ дөчин таван ки­ло­метрийн тэртээд нутаг­лаж байв. Улаан хошуу гэдэг газрыг нь хэлээд байна л даа. Сүүлийн жилүүдэд Цувираагийн хөндий, Бор нуруу тэр хавиар л буурь сэлгэх болжээ. 150 гаруй тэмээ­тэй, түүнээс дөч орчим нь ботголно гэж байсан. Ингэн тэмээд хонь, ямаа шиг шөнө оройгүй “ас­гаад” байдаггүй ч өдөр бүр л торомгор нүдэн ботгонууд нэмэгдэж, гад­саа тойрон буйлдаг бо­лолтой. Өвөлжөөний шар өтөгнөөс нэлээдгүй зай­тай эр хөрсөн дээр томоо гэгч хүрэн ат авдарлаад хэвтэж байгаа нь сүртэй харагдана. Ойр зуурын ажилд сөөг сөөг хөт­лүү­лээд, энэ л хот айлын ус түлээг нь дөхүүлж хар бор ажлыг нь нугалдаг ганц нь болов уу. Эрдэнэбатын гэргий яриа хөөрөөний завсарт тавгийн идээгээ дахин сэргээж ингэний зөөлөн хурууд тавиллаа. Түрүүнд, суварганаас наахна Цувираагийн хий­дийн доод руу нэгэн айлын гадаа түр зогсоход гэрийн эзэгтэй, сааж бай­сан ингээ орхиод санд мэндхэн ирж шинэхэн хурууд бид дөрөвт атга атгыг өгсөн билээ. Тором­той ингэнүүдээ гаднаа аргамжиж шувтраад али­ваа зүйл ховордоод ир­дэг хаврын энэ л хахир­ган сард ааруул хурууд­тай, айраг цагаа хоор­мог­той дэлхий дэлгэнүүлээд сууж байдаг байна шүү, дорнын говийнхон. Ахынх нь хоймрын жаазанд шинэхэн хутагтын ганц нэг зураг байгааг олж харлаа. Энэтхэгт ша­вилж байх үеийн зурагнууд байна. Орон дээр тэрийлдэн хэвтэж, босч ухасхийн ингэний ааруул шүүрч бал бурам мэт амтлах Мэндээ хүү ахтайгаа хамт Энэтхэгт шавилж байсан гэнэ. Тэр тухай өөрөөс нь асуухад чихгүй юм шиг л сууна. Өөдөөс нүдээрээ инээчихээд өөр хариулт өгсөнгүй. Хар хөх ноосон малгай дарж өмсөн бор шаргал дээл эгэлдэргэлж, энгэрийг зад­гайл­сан Эрдэнэбат ах нь шар дурдан бүсэндээ ганц нүдний дуран зангиджээ. Түүнтэй л тав гурван үг сольж, гэгээнтэн дүүгийнх нь тухайд энэ тэрхнийг сонирхоод Хөвсгөл сум руу хөдөллөө. Аараг толгодын бэлээр явгалах салхи савирт ганц нэгхэн хамхуул хийсч, сайрын мөргөцөгт тарлантах хай­лаас­ны үзүүр үл ялигхан сэвэл­зээтэй. Говийн дуниартсан, хаврын тийм нэг зэгэл саарал өдөр мөнөөс мөн дөг өө. Харин Хөвсгөл сум руу шуугиад ороход өөр дүр зураг угтсан. Сумын төвд наадам болж байна аа. Наадмын талбайн гол дахь мандалд төрийн далбаа өн­дөрт намирч, биднийг очих үест соёолон морьд барианд орж бай­лаа.

Хаврын дунд сарын энэ цагт чинь юун наадам найр билээ, ижий аав, гэр бүлийнхэнд нь дуулгалгүй ус нутгийн олон хутагтынхаа наад­мыг хийгээд хөөрч суугаа юм биш байгаа гэх хар төрөөд явчихав. Гэвч үгүй юм аа. Хөвсгөл сумынхан жилийн жилд, хаврын хаварт наа­дам хийдэг байна. Жилд нэг баг нь зохион байгуулж, бай шагналыг нь дааж сүр жавхлантай нааддаг ажээ. Өнөө жил гуравдугаар баг буюу Элстэйн багийнхан зохион байгуулж азарга, соёолон урал­дуулан хэдэн харцуулаа ноцол­дуулсан нь тэр.

Говийн хэлхгэр өвгөд, ханагар хүрэн эрчүүд цагаан сараар гоёсон дээлээ өмсөж, өнгө өнгөөр алаг­лаад наадмын талбайдаа жийптэй нь жийптэйгээ, “жаран ес”-тэй нь “жаран ес”-тэйгээ, портертэй нь портертойгоо, мотоцикльтой нь мотоцикльтойгоо оччихсон байна. Магнайгаараа дүүрэн медальтай цоохор морин соёолонгийн уяач дээр яваад очлоо. Хадаг зүүснийг  бодоход айрагджээ гэтэл түрүү соёолон нь юм байна. Хөвсгөл сумын Б.Анхбаярын шар цоохор үрээ гуч гаруй соёолонгоос тийнхүү магнайдаа тоосгүй иржээ. Морь шинждэг хүн бол үгийг гамналгүй хэлж, хэдэнтээ тойрч харахаар сайхан үрээ байна лээ. Мань мэт нь ямар морь мэдэх биш. Зэргэлдээ сумдууд болох Хатанбулаг, Улаан­бадрахаас морьд ирсэн гэнэ. Ганц нэг нь айраг амссан ч дуулдана. Унаа болоод уяа морьд нь өнгө зүс сайтай, хүдэр эрчүүд нь хаврын салхинд алгадуулж гандаж хөхөр­сөн ч цаанаа л нэг жавхаатай байгааг харахуйд сүүлийн жилүү­дэд Хөвсгөл суманд өнтэй өвөл, хавтай сайхан хавар болсны шинж ээ. Хөдөө нутагт цагийн байдал сайхан цас зудгүй, ган гачиггүй л бол хүнтэй малтайгаа тавираад ирдэг хойно доо.

Уг наадам дээр хурдан удмын үрээ морьд сурч байгаа мэт нэг хүнийг сураглалаа. Тэр нь есдүгээр хутагтын багын найз Эрдэнэболд юм. Мань нөхрийг ёстой ганц ч алхуулалгүй бариад авав шүү. Европ маягаар хувцасласан тэрээр бас шаггүй уяач гэнэ. Тухайн өд­рийн наадамд соёолон үрээгээ аман хүзүүнд давхиулжээ. Жинсэн өмд­нийхөө тэлээний завсар хусуур сойзоо бүслэх нь холгүй нөхөр машинд суулаа. Ингээд Эрдэнэ­болдтой хөлс нь хатаагүй хүлэг морьд эргэцэж, хусуур сойз шар­гисан наадмын талбай дээр хутаг­тын тухай яриа хөөрөө үүсгэлээ. “Бид хоёр ерэн нэгэн онд Хөвсгөл сумын сургуулийн 1А ангид хамт орж байлаа. Анхны монгол бичиг үзсэн хүүхдүүд шүү дээ. Ангийн маань багш Ж.Юмрэн гэж хүн бий. Одоо Эрдэнэ суманд байгаа. Ма­най найз чинь багын л үг дуу цөөтэй, гэрээс гарах дургүй тийм л хүүхэд байсан.  Нэгдүгээр ангид хамт орсон хүүхдүүдээс бид хоёр л өнөөг хүр­тэл нөхөрлөж яваа байх шүү” гэж гэгээнтэн андынхаа тухай дурсаж байна. Тэрхүү цөөхөн хоромд Эр­дэнэ­болд инээдтэй гэмээр хэд хэдэн зүйл ярьсан. Тухайлбал, нэгдүгээр ангид хамт сууж байсан найзыгаа хэдэн жил хараагүй байж байгаад Өлгий хийдийн лам болсных нь дараа лам хувцастай харжээ. Түн­жийсэн толгойтой найз нь нэг өдөр гэрт нь сан тавихаар ирж л дээ. Эрдэнэ­болд мэнд ус ч үгүй түс­хийтэл инээгээд авч. Маани мэгзэм унши­хад нь бүр инээдээ барьж чадалгүй тачигнатал хөхрөөд ээж­дээ заг­нуулж гэрээсээ хөөгдөж гарсан удаатай. Түүнээс хойш найзаараа дандаа сан тавиулж, засал номоо хийлгэх болсон байна. Харин хутагт Эрдэнэболдод хандан “Чи намайг ямар тоох биш дээ. Маани уншихаар шоолж даапаа­лаад байдаг биз дээ” гэж тоглоом шог­лоо­моор үгийн завсар хэлж байсан гэдэг. “Морь уяж эхэлс­нээсээ хойш найзыгаа уяан дээрээ байнга ав­чирч сан тавиулах болсон. Уяа морьдоо барьчихаад л Угтахаа руу явна шүү дээ. Хамарын хийдийн лам байхад нь хүртэл гэртээ авчирч байлаа” гэж өгүүлэв.  Үе насны залуучууд хужаа мотоцикль дээр сундалдаад л ирдэг байсан биз ээ. Тэгтэл тэрхүү найз нь нэг л өдөр Говийн хутагтын хойд дүрээр то­дорч байдаг. Эгэл амьдрал гэдэг ийм л байдаг хойно доо. Энэтхэг рүү сурахаар явахад нь Замын-Үүд хүртэл гаргаж өгснөө, амралтаараа ирээд байхад нь хотод хоёр най­зын­хаа хамт уулзаж ресторанд сууснаа сонирхуулав.  Хутагтын багын найзтай ийнхүү уулзаж бага­гүй хуучилсны дараа Хөвсгөл су­мын төвд байх эгчийнд нь хүрч очлоо. Хоёр гурван том өрөөтэй цагаан байшинд  ээжийнх нь төр­сөн дүү Отгонтогтохынх аж төрж сууна. Тэрээр сургуулийн нярвын ажилтай. Гэр бүлийнх нь хүн мөн л сургуульд галчаар ажилладаг гэ­сэн.

Амьтан хүн орж гарсан хөл хөс болсон л айл байна. Бид хэрэг зоригоо дуулгатал уриалгахан хүлээн авч цай цүй болоод тэрүү­хэн тэндээ сандралдаад авлаа. Гэрийн эзэгтэй охиноо наадмын хуушуур зарж буй айл руу гүйл­гэлээ. Тэр хооронд тогоо тавин шинээр цай үйв. “Эгч маань (хутаг­тын ээжийг хэлж байна) дүү нар бидэндээ ээжийн оронд ээж бол­сон буянтан. Бараг л жил дараалан арван хүүхэд төрүүлсэн хүн дээ. Засгийн их малтай, олон нялх үртэй хэцүүхэн байсан үе бий. Арван хүүхдээ хүний дайтай өсгөх гэж үйл тамаа идсэн нь ч бий байх. Өрөвд­мөөр л харагддаг байлаа. Тэгтэл насны сүүлд жаргадаг юм байна аа. Бурхан тэнгэр хүнийг бас хардаг юм байна шүү” гэж Отгонтогтох эгч хуучилж байв. Ингэхэд тухайн гэрийн эзэн Даваасүрэн шиг хэрэг­тэй хүн Хөвсгөл суманд байдаг болов уу гэж бодогдохоор. Сур­гуульд галч хийхийн зэрэгцээ гэрээ­рээ гагнуур хийдэг аж. Цай дэврэх хооронд хоёр гурван ч хүн ирж уулзсан. “За Даваа минь чиний хэрэг л гарлаа шүү дээ” гээд ороод ирнэ. Хөдөө гадааныхан ундааны саванд хийсэн сүүтэй ирнэ. Түүний­гээ хэлэх ч үгүй, зүгээр л гал тогоо хавиар тавьчихна. Хөлс нь тэр. “Манай хүн хорь гаруй жил амьтны эвдэрсэн хэмхэрснийг засч явна. Сүүлдээ царай зүс ч байхгүй болох юм. Нүүр нь нэлэнхүйдээ түлэгд­чихсэн” гэж гэргий нь хэлэв. Түүнийг нь Даваасүрэн ах тоож байгаа ч юм алга. Нар салхинд зуу зуун жил алгадуулсан хүн чулуу шиг нөхөр муухан инээвхийлж л сууна. Гэхдээ болоогүй ээ цаад чинь, шар “жаран ес”  гаднаа сойчихсон додьгор эр. Машины, засварын газар болох амбаарын, өөр юу юуны ч юм бэ дээ баахан том хар түлхүүр баруун гартаа эргүүлсэн шигээ гэр дотуу­раа алхаад л.

Отгонтогтох бүсгүйтэй ахиад л хутагтын тухай ярилцлаа. О.Угтах­баяр ламтан нэгдүгээр ангид байх­даа дотуур байранд сууж байжээ. Нэлээдгүй зөрүүд нөхөр байсан бололтой. Хүн юм асуухаар дууга­рахгүй. Жаахан дургүйг нь хүргэ­чихвэл бүр гөжчихнө. Олны яриа­гаар бол түнжийсэн шар нөхөр л Хөвсгөл сумын сургуулийн дотуур байранд таваргаж явсан хэрэг. Гэгээнтний ээжийн мөн л төрсөн дүү, аймгийн алдарт уяач Бат-Өлзийн Болдыг хэн нь ч юм бэ “чихдээд” аваад ирлээ. Мань хүн азарга, соёолон хоёр сойж хаврын баяртаа уралдуулаад нэг айраг авчихсан, хэлхийсэн эр ороод ирлээ. Ингээд алдарт уяачаас Даваасүрэн ахын гал тогооны өрөөнд “байцаалт” авлаа. Багагүй урт ургаж, хоёр чихийг нь дарсан халимгаа арагш илбэн, жаахан духайсхийгээд ийн ярьсан юм. “Ахынх (хутагтын аавыг хэлж бай­на) сумын төвөөс баруунтаа Өл­зийт, Баян модоор нутаглана. Наяад оны дундуур, тэр чинь наян дөрвөн оны намар юм аа. Манайх Өлзийтийн наахнатай Сухайт, Улаан худагаар нутаглаж байлаа. Би гэдэг хүн засгийн их тэмээтэй, хэдэн тэмээ салхидуулаад алдчих­сан эрэлд явж байхдаа ахынхаар буусан юм. “Эгч нь амаржаад дөнгөж саяхан гарч ирээд байна” гэж ах хэлж байсан. Тэрхүү улаан цурав үр өнөөдрийн есдүгээр хутагтаар тодроод байгаа Угтах­баяр даа” гэв. Ёстой л нэг нэмэр хачиргүй сайхан дурсамж.

Тэрээр цааш ярьсан нь “Өлгий хийдийн Дамбарэнцэн тэргүүтэй лут лам нар байлаа. Ихэвчлэн гавж, хамбууд байсан байх. Тэд л Угтахааг ихэд тоож шашны маш том зүтгэлтэн болно гэж хэлдэг байсан юм билээ. Би ч бас тэдний амнаас ийм үг сонсч л байлаа. Ерээд оны эхээр шиг санагдана. Намар оройхон хэрд ахынд дав­хиад очтол “Хүү минь Өлгийн хий­дэд шавилж байгаа. Түнжгэр үрийг минь ирээдүйд нэртэй лам, шашны зүтгэлтэн хувраг гэгээнтэн болно гэж хийдийн лам нар хэлж байна. Түүнийг сонсоод ихэд баяртай байна аа” гээд Отгон-Амжилт ах бөөн хөөр, нүдэндээ нулимстай сууж байсан. Одоо бодох нь лууга­рууд мэддэг л юм байна”. Бас л гоё дурсамж.

Болд ахтай наадмын хуушуур гулгуулсан шигээ баахан хууч хөөрөөд гэрээс гарлаа. Отгонтогтох эгчээр хөтөч хийгээд гарсан юм. Тэрээр алдарт уяачтай гал тогоог нь эзэгнэж байх зуурт бага ангийн багш Наранбаяртай яриад, гэгээн­тэн дүүгийнхээ сурч байсан ангиар намайг оруулах программыг хэдий­нэ зохион байгуулжээ. Сумын төвд үдээс хойшдоо элсээр шуурч, хүйтэн ч юм шиг, халуун ч юм шиг салхи хацар алгадаж байлаа. Хөвс­гөл сумын сургууль Монголын нэрт зохиолч, богино өгүүллэгийн мастер Жагдалын Лхагва агсны нэрэмжит гэдгийг миний бие гадар­лах юм. “Толгодын цаана ингэ буйлна”, “Анхны хайрын зурвас” тэргүүт сонгомол бүтээлүүдээр нь Жагдалын Лхагва агсныг олон түмэн мэдэх билээ.

Хутагтынхаа ангиар орлоо,  Г.Наранбаяр багштай уулзлаа. Ерэн нэгэн онд Угтахаа ламыг нэгдүгээр ангид ороход Наранбаяр багш нөгөө ангийг нь дааж авсан түүхтэй. Тийм хэрнээ хутагтаа мэдээд байгаа нь сайхан юм. “Мант­гар шар банди” байсан даа гэж байна. Наранбаяр багш 32 жил тасралтгүй бага анги дааж, зүггүй шувуухайнуудтай зууралджээ. Үг яриа нь хүүхэд шиг, дуу хоолой нь ч тийм нэг намуухан, хөдөө сумын багын багш нар ийм л байдаг аа гэх сэтгэгдлийг төрүүлэхээр. Хутаг­тын сурч байсан ангид Наранбаяр багшийн ангийнхан хичээл хийж байна. Долоо, найман настай балчрууд сүрхий гэгч нь тоо бо­доод “номхон команд”-тай сууж байв. “Равжаа хутагт чинь манай Хөвсгөлийнх шүү дээ. Улаан­бад­рахынхан манайх гэж булаа­цалд­даг. Гэтэл ямар ч маргах зүйлгүйгээр манай нутгаас хойд дүр нь тодор­лоо” хэмээн ардын багш баяр хөөртэй сууна. Багшийн ярианаас бас нэг зүйл анзаарагдсан юм. Хутагт тодорлоо гэнгүүт л сургууль даяараа хэний шавь бэ, хэн хэн ойр байсан бэ, байрны багш нь тэгэхэд хэн байв, ямар айлаар орж гарч байв гээд л баахан эрэл сурал болсон шиг байгаа юм. Тэгтэл нэгдүгээр агийнх нь багш өөр суманд байдаг, байрны багш нь бурхны оронд явчихсан байдаг, орж гарч байсан айл гэхээр бүдэг байдаг, ер нь л базаахгүй дүр зураг гарч. Сургуулиас гараад сумын төвөөр нааш цааш холхиж дэлгүүр хоршоо орсон шигээ бага сага саатлаа. Энгийн иргэдээс хутагтын тухай асууж, ямархан хариулт өгөхийг нь сонирхов. Ихэнхдээ л мэдээж баяртай байна. Манай Хөвсгөл сум ерөөлтэй, номын авшиг­тай нутаг гэж байна. Ер нь хүмүүсийн ярианаас анзаарахуйд “Түнжийсэн толгойтой шар юм” гэхээс өөр зүйл дуулдсангүй. Есдү­гээр хутагт маань тавдугаар ноён хутагт “галзуу” Равжаагаасаа эрс өөр бололтой. Архи дарс, авгай хүүхэн, шүлэг найраг гээд олоон зүйлээр “дутуу” буюу.

тэмдэглэл-3
Говийн ноён хутагтын есдүгээр дүрээр тодор­сон О.Угтахбаярын тухай цуврал тэмдэглэлийнхээ сүүлчийнхийг хүргэж бай­на. Эхний хоёр цувралд гэгээнтний ах дүү, амраг садан, найз нөхөд, баг­шийнх нь яриа хөөрөөг түлхүүхэн багтааж ху­тагтын гучин нас хүртэлх туулж ирсэн зам мөр, хувь хүнийх нь зан чанарыг бага ч болов тодотгохыг эрмэлзсэн юм.

Эл удаа гэгээнтнийг төрүүлсэн аав ээжийнх нь яриа болоод бусад зүйлийг уншигч олондоо хүргэж байна. Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн хойд дүрээр тодорно гэдэг тухайн хүнээс машид эрдэм чадал, авьяас билгийг шаар­дах билээ. Равжаа хутагт бол Монгол Улс хийгээд монгол үндэс­тэн олонд нэр алдраа цуурай­туул­сан хосгүй авьяас билэгтэн, ер бусын ид шидтэн байсныг түүх гэрчилнэ.

Гэхдээ энэхүү сурвалжлага, тэмдэглэлийн гол зорилго шинэхэн тодорсон хутагтыг хувь хүн талаас нь нээж уншигч олонд хүргэхэд оршиж байгаа. Манайхан хутагт хувилгаад төрлөө гэхэд тухайн хүнээ дээд тэнгэрээс тэр чигээрээ буугаад ирсэн мэтээр ойлгоод байдаг. Ерөөсөө л лам хувцастай завилсан төрхтэй, муу муухай нэг ч зүйлгүй амьд Будда л гэнэт гараад ирсээн гэж сүсэглэх нь бий. Гэвч үнэн чанартаа өнөө хутагт маань тодрохоосоо өмнө эгэл жирийн иргэн, борог амьдрал дунд өссөн хүү байгаа шүү дээ. О.Угтахбаяр гэгээнтэн олон хүүхэдтэй эгэл даруу­хан айлд төрж, ах дүү ар­вуулаа бужигнаж өссөнийг өмнөх тэмдэг­лэл­дээ дурдсан.

Харин гэгээнтний охид бүсгүй­чүү­дэд дурлаж бас ч үгүй хорин хэдтэй залуугийн хонгорхон явд­лыг найз нөхдөөс нь дам сонслоо. Угтахаа Энэтхэгээс ирчихээд, Мон­голд Шашны сургуульд сурч байх үедээ дотны найзуудтайгаа хаа нэг уулзалддаг байсан байна. Тэгээд ганц нэг бүсгүйд сэтгэлтэй болсноо  аминчлан хэлдэг л байж. “Одоо­хон­доо найз нь сонголтоо хийж чадах­гүй байна” гэж үнэнээ л хэлж байж. Харин найз нар нь сүүлийн үед уулзаагүй, иймэрхүү аминчхан яриа өрнүүлээгүйгээ хэлж байсан. Есдүгээр хутагт Улаанбаатарт байхдаа Яармагт хашаа байшинд амьдарч байжээ. Орой үдэш худ­гаас ус зөөх, найзуудтайгаа түлээ­ мод хөрөөдөх, дүн өвөлдөө нүүрс бэлдэх гээд гэр хороол­лынхны л   хар бор амьдралаа залгуулж явсан аж. “Энгийн хувцас өмсөнө биз дээ. Үргэлж дандаа лам дээлтэй явахгүй нь мэдээж байх” гэж Эрка найзаас нь асуухуйд, өө энгийн хувцас өмсөлгүй яахав. Их наргианч шооч хүн дээ. Биднийг чинь үргэлж л явуулна, хөгжөөнө. Хамт байхад инээдтэй юм яриад хөгжилтэй гоё байдаг. Манай най­зууд нэг удаа Тэрэлжид очиж амарсан юм. Тэгэхэд Угтахаа жин­сэн өмд, цамцтай ганган залуу явж байлаа шүү дээ гэв. Найзуудынх нь нэмэр хачир­гүй яриа энэ.   

Есдүгээр хутагт ерэн нэгэн онд Хөвсгөл сумынхаа нэгдүгээр ангид орж хичээл заалгаад бараг л нэг­дүгээр ангиа төгсгөлгүй сур­гуу­лиа орхисон байна. Гол шалтгаан нь лам болох. Хаврын амралтаар төлийн цагаар гэртээ ирэхдээ аавдаа “Би хичээлдээ суухгүй. Лам болно” гэж л хэлжээ. Аав ээж нь  “Чи сургуульдаа сур. Ийм эрт ин­гээд хичээлээ орхих гэж…” хэмээн аашилсангүй. Багш нар болоод сур­гуулийн захиргаанаас нь хи­чээлд суухыг тушааж наануу цаануу гэсэнгүй өнгөрсөн гэнэ лээ.

Ингэж л Угтахаа хүү хувь заяаны дуудлагаар сургуулиасаа гарч хонь хурга ха­риул­сан шигээ байж байгаад Өл­гийн хийдийг зорьсон байна. Өл­гийн хийдийг зорихын өмнө айм­гийн­хаа хийдэд шавилахаар аав­тайгаа Сайншандад ирж байсан түүх бий гэнэ. Гэвч аймгийнх нь Гандан хийд их гэгээнтнээ хүлээж аваагүй удаа­тай. Үндсэндээ нас нь бага байна гэх шалтгаанаар буцаасан гэдэг. Лам болно гэх далдын мөрөөдөл, зөн совиндоо хөтлөгдсөн Угтахаа хүү аавынхаа моринд сундалсаар урам муутайхан нутаг руугаа буц­сан байдаг. Энэ бол Рав­жаагийн хойд дүрээр тодорсон гэгээнтний арваад настай байх үеийн явдал билээ л.

Сумын төвд өдөржин ажил болж ойр зуурхан хүмүүстэй уул­зан манаргасаар үдэш боллоо. Нар жаргаж үдшийн цагаан гэгээ нөмрөх ахуйд хутагтын ижий аавын­хыг зорин сумын төвөөс хөдөлсөн. Хутагтын аав ээжийн­хээр эхлээд очиход байхгүй байсан юм. Үдээс хойшдоо аймгийн тө­вөөс ирснийг Угтахаа гэгээнтний төрсөн эгч Зул сумын төвд байхад дуулгасан билээ. Отгон-Амжилт гуай болоод том хүүгийнх нь нутаг­лаж байгаа Улаан хошууг зорих замдаа Хөвсгөл сумын уугуул иргэн улсын аварга малчин Сэрээгийн Банди гуайнхаар дайрлаа.

Хэний ч өмнөөс үгээ хэлж, хэлэх хэлэхдээ тун айхтар сөргүүлэн хэлж ирсэн өвгөн буурлаас нутгийн олон нэг л жийрхдэг юм билээ. Тэр нь хүн­дэт­гэж буйн илрэл. “Саяхан манай сумын Засаг дарга манай­хаар ирлээ. Жаахан хүү байна аа. Бид гурван үг хэллээ, санаа оноо өглөө. Гэхдээ загнасангүй ээ” гэв. “Загнасангүй ээ” гэдэг бол үг байгаа биз. Банди гуайгаас гарах үг л дээ. Түүнээс шинээр тодорсон хутагтын тухай асуулаа. “Ус нутгаас минь хутагт тодорсныг дуулаад өвгөн би их баярлалаа. Отгон-Амжилттай сүүлийн үед нэг их уулзсангүй. Түүнээс бид хоёр чинь тэмээ ма­лын­хаа бэлчээрээр уулздаг л хоёр доо. Хутагт хүүг нь би сайн мэдэхгүй юм. Олны яриагаар бол их л багаа­саа шашны ном мөр хөөсөн, зөв хүүхэд шиг дуулдаад байгаа юм” гэж байна.  Ооч сахалтай, цэц билэг гэж жигтэйхэн аварга малчных Адуун чулуундаа сүүлийн жилүү­дэд нутаглаж байгаа гэнэ. Малынх нь хашаа хороонд шинэхэн төл болох  зуугаад хурга ишиг майлал­даад нэг л сайхан найрал хөгжим мөн дөө. Банди гуай засаг захир­гаа­ны адуу хорь шахам жил ха­риул­сан, ёстой чиг адууны хийморь дунд явсан буурал юм аа. Тэд­ний­хээс хөдлөөд л Отгон-Амжилт гуайн гадаа дөрөө мулталлаа даа. Хутаг­тын аав Борын Отгон-Амжилт гуай хотолж буй хүрэн улаан тэмээ­дийнхээ наахна гүйж явна. Зэрвэс харсан нэгэнд бол арван хэдтэй банди уу гэж харагдахаар. Тийм л хөнгөн шингэн, зүс царай тунгалаг хүн байна. Тэрээр хар хөх гонжоом­той, цагаан ягаан цамцтай, ганган ботинктой дэгжин гэж жигтэйхэн малчин шороо тоос манарсан өтөг бууцан дундаа цохиж явна. Айм­гийн төвөөс ирээд удаагүй, ёслолын хувцсаа солиогүй байгаа нь тэр ажээ. Хутагтын ижий Өргөнцагаан гуай гэгээнтнийг тө­рүүл­сэн хүн дээ гэсэн шиг буянтай буурал ханайж сууна. Нэрэндээ чиг таарсан сайхан хүн юм аа.

Ингээд есдүгээр хутагтын төр­сөн гэрт тулганд аргалын гал дү­рэл­зэн, тэмээ мал нь хотолж байх цагаар ингэний хоормог уусан шигээ хоёр хөгшинтэй хөөрөлдлөө. Отгон-Амжилт гуай эхлээд хүүгийн­хээ тухай ийн ярьсан юм. “Манай хүү чинь 1984 оны наймдугаар сарын 15-ны өдөр төрсөн. Анх төрөхөд нь ямар нэгэн зүйл мэд­рэгдээгүй харин багаасаа л лам болно гэж зүтгэсэн хүн. Өлгийн хийдэд гурван жил орчим шави­лаад 12 настай хүүхэд Хамарын хийдэд шавилсан. Нэг зүйлийг сонин болгож хэлэхэд, гэгээнтэн хүүг мэндэлж байх үед манай дунд сургуулийн ангийнхан уулзсан. Далаад оны дундуур Хөвсгөлийн долоон жилийн сургуулийг төгссөн бид наян дөрвөн оны наймдугаар сард арваад жилийн дараа уул­залд­сан хэрэг шүү дээ. Тэгтэл хүү минь төрдөг юм. Манай долоо дахь хүүхэд. Ангийн олон бэлгэшээж уулзалтыг минь угтаж ирсэн хүү байна гээд Угтахбаяр нэр өгсөн түүхтэй. Хүүгээ Энэтхэгт шавилж байхад их санана аа. Сумын төв орж утсаар ярина. Энэтхэгт сурч байгаад Монголдоо ирж Шашны дээд сургууль төгссөн. Тэгээд өнгөрөгч оны тавдугаар сараас Хамарын хийдэд албан ёсоор суусан даа. Гэтэл удаа ч үгүй ийм сайхан зүйл тохиолоо. Аймгийн төв орчихоод хөдөө рүүгээ маргааш нь буцна гээд байж байтал том хүү маань ярьдаг юм. Аав та гараад ирэх боломж байна уу, уулзах яаралтай ажил байна гэлээ. Би ч гайхаад явчихлаа. Гутлаа хальт мульт  өмсөөд гараад очтол том хүү “Алтангэрэл дарга Энэтхэгээс ярьж байна. Гэгээнтнийг тодруулжээ. Далай лам зарласан гэнэ. Манай Угтахаа ноён хутагтын хойд дүр есдүгээр хутагтаар тодорсон бай­на. Хүн амьтанд энэ тухай дуулгаж болохгүй. Маш нууцын зэрэглэлтэй гэсэн шүү” гэдэг юм. Ингэж л энэ сайхан мэдээг  том хүүгээсээ анх сонссон л доо. Өглөө эрт хүүтэйгээ гэртээ ирээд хөгшиндөө хэллээ. Тоймтой юм хэлээгүй.  “Аймаг явах боллоо хөгшөөн, маш яаралтай явах хэрэгтэй байна” л гэлээ. Хөгшин маань нарийн учрыг мэдэх­гүй яаралтай аймаг орох боллоо гэснийг сонсоод, бид хоёр ч тойм­той юм хэлэхгүй байхыг хараад муу л юм болсон гэж дотор нь пал­хий­гээд л явчихсан гэдэг”. Хутагтын аавыг ийн өгүүлэхүйд Өргөнцагаан гуай, хүн чинь эхлээд муу юм л боддог юм билээ гээд галынхаа өмнө инээмсэглэж суусан.

Хутагт анх төрөхдөө хэдэн килограмм гарсан эсэхийг тодруу­лаад авлаа. “Гурван килограмм, найман зуун грамм төрсөн. Өглөө ес өнгөрч байхад гарсан хүүхэд шүү дээ” гэж ээж нь товч бөгөөд тодорхой хариулав. Хүүгээ энэ том хутагт болно гэж яаж мэдэх билээ.  Багад нь бусадтай ижил гар хүрч, таван салаа боовны амт үзүүлж байсан уу гэх асуултад “Учир   зүггүй гар хүрч байгаагүй юм. Мэдээж загнаж зандрах зүйл га­рал­гүй яахав. Гэхдээ гэгээнтэн маань их өхөөрдөм, барагтай уур хүргээд байдаггүй байсан. Аливаа юманд дургүй  нь хүрэх юм бол хол очоод суучихна. Дуудахаар цаа­шаа зугтаана. Дуудахгүй, огт тоо­сон шинжгүй орхичихвол хү­рээд ирдэг сэн. Тийм л хүүхэд байлаа” хэмээх хариултыг аав нь өгснөө “Хүүгээ нэртэй лам болно гэдгийг эцэг хүний хувьд мэддэг байсан. Харин Монголыг байтугай дэлхийг шуугиулсан гэгээнтнээр тодорно гэж бодоогүй” хэмээн чин үнэнээ хэлж байлаа.

Аавынх нь гэрт хутагтын зураг хөрөг гэж алга. Отгон-Амжилт гуайн хэлснээр багынх нь нэг зураг байдаг гэсэн. Гэхдээ түүнийг ил гаргахгүй гэж байгаа. “Бид гэгээнтнээ сэтгэлдээ л сүслэн дээдлэх ёстой” гэсэн байр суурьтай байна лээ. Зураг гэсн

Categories
редакцийн-нийтлэл

Монгол бөхийн дэвжээнд доромжлуулах юу ч биш, амьд үлдвэл дээдийн заяа болох нь ээ

-ЛААЗТАЙ УНДААГААР ТАРХИА ХАГА ЦОХИУЛСАН И.ДОРЖСАМБУУ ГАРЬД ТОЛГОЙДОО
ОЁО ТАВИУЛЖЭЭ-

Монгол Улсад зэвсэгт хүч­ний байгууллага үүсч хөгж­сөний 92 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зо­риулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барил­даан өнгө­рөгч амралтын өдөр Мон­гол бөхийн өргөөнд бол­сон би­лээ. Уг барил­даанд Архангай аймгийн харьяат улсын на­чин Р.Пү­рэв­дагва түрүүлж, Булган аймгийн уугуул улсын гарьд И.Дорж­самбуу үзүүр­лэсэн юм. Телевиз радиогоор орон даяар шууд дамжуулсан ба­рил­­даан үзэгч олонд сэт­гэлийн цэнгэл таа­шаа­лыг эдлүүлэхээсээ илүүтэйгээр мар­гаан мэт­гээнтэй, тэр ч бүү хэл цус нөжтэй болсон. Тодруулбал, уг барил­дааны долоогийн даваанд тунаж хүч үзсэн гарьд И.Дорж­­­самбуу, хар­цага Ө.Бат-Орших нарын хооронд маргаан үүссэн. Тэр нь бөх­чүүдийн хооронд болдог л үл ойлголцол байв. Гэвч соёлгүй зан, бүдүүл­гээрээ зартай үндсэндээ зэр­лэгшсэн үзэгч олон бөхчүүд рүүгээ, бө­хийн­хөө дэвжээ рүү ундааны сав, хог новшоо шид­дэгээ­рээ ши­дэллээ. Тэг­тэл хэн нэгний шидсэн лааз­тай ундаа  Доржсамбуу гарьдын толгойг хага цохижээ. Цус нөж­тэй нь холиод хаячихав.

Гарьдын дүү Ёндон­сам­буу ахынх нь толгойг хага цохисон этгээдийг хайж хэсэг­тээ манаргаад авав. Бөхийн­хөө өргөөнд тухлан бөхөө үзэж буй үзэгч олон монгол бөхийн дэвжээ рүүгээ ун­дааны сав шидэх нь үнэндээ  хэ­вийн үзэгдэл бол­сон. Өмнө нь бол хоосон сав шиддэг байлаа. Тэр нь бөх­чүүдийн болоод хөлийн цэц, засуу­луудын тархи толгойг онодог ч цус урс­галгүй өнгөрдөг бай­сан. Тэг­тэл энэ удаа лаазтай ундаа шидэж эхэлдэг юм бай­на. Цаашдаа зэрлэг балмад эт­гээ­дүүд бөх үзэх нэрээр чу­луу хормойлж орж ирээд дургүй хүргэсэн бөхчүү­дийн­хээ тархийг хага хага цохиод, нүд амыг нь булуу болтол нь хав­дааж хөхрөөгөөд гаргах нь л дээ. Энэ байдал саяын барилдаанаас илт анзаа­рагдлаа. Энэ даш­рамд дуул­гахад, Бөхийн өр­гөөнд бөх үзэж буй хүмүүс ихэвч­лэн согтуу байдаг юм билээ. Ми­ний бие өмнө нь хэд хэдэн удаа бөх үзэж байсан. Арын суудлуудад тухалсан олон ундааны са­ванд ихэвчлэн архи хийж, түүнээ уугаад мансуурч суу­гаа нь ажиг­лагдсан. Архи, тамхины үнэр нэлдээ хан­халж, тийм нэг огиудас хүр­мээр санагдсаныг нуух юун. Тэгэхээр бөхийнхөө дэвжээ рүү шидэж буй ундаа­ны сав бол үнэн чанартаа архины сав юм. Архи ууж хагас галзуу болсон олон л тэгж балмад авирлан хүний толгой хага цохино шүү дээ.

Тэднийг ийн ёс зүйгүй авирлаж байхад хэн юу ч гэж хэлдэггүй. Их хурлын дарга, Ерөнхийлөгч, Ерөн­хий сайд, парламентын гишүүд гээд төрийн өндөрлөгүүд хойморт нь сууж л байдаг. Ард түмэн ундаа­ны саваа бөхчүүд рүү­гээ нүүлгэж  л байдаг. Гадна дотнын зочдын нүд орой дээ­рээ гарахаар, өөрийн эрхгүй айдас төрөхөөр ийм л бай­дал хэний ч хараа хяналтгүй­гээр давтагддаг. Зарим нь бүр ингэх ёстой шүү дээ гэсэн байд­лаар хүлээж авах нь бий.

Тэгэхээр энэхүү бусармаг байд­лыг одооноос эхлээд таслан зог­соо­моор байна. Монгол үндэсний бөх бол зүгээр нэг тэмцээн урал­даан биш юм. Энэ бол төрт ёсны уламжлалт баяр. Зуу зуун жилийг  туулж ирсэн тухайн үндэст­ний бахархал, түүх соёл зан зан­шил, шаш­ны илэрхийлэл юм. Монгол бөх бол монголчуудын хэдэн түүхийн буу­рал улбаанд бий болго­сон үндэс­ний соёл, дарх­лагд­сан шашин ёс жаяг юм.

Монгол бөх гэдэг утга агуулгад чухамдаа юу юу хадгалагдаж оршд­огийг бид мэднэ. Тэгэхээр бөхийнхөө дэвжээ рүү уусан архи, ун­даа­ныхаа шилийг шиднэ гэ­дэг үндэсний өв соёл, ёс уламжлал руугаа өшиглөж буйтай агаар нэг билээ. Үүнийг бид бүхэн яагаад ухамсарлахгүй байна вэ. Яагаад ийм зэрлэг балмад, ёс зүйгүй, жудаггүй, хэрцгий болоо вэ, 

Бөхийнхөө ариун дэвжээг ин­гэж бузарлаж болохгүй ээ. Хэдэн бүдүүлэг нөхдийн ёс зүйгүй авир­лаж буйг болиу­лах үнэндээ амар­хан даа. Бөхийн өргөөг ка­мер­жуул­маар байгаа юм. Секц бүрийг нь камер­жуул­чихсан бай­хад лаазтай ун­даа шидэж хүний толгой ха­га­лах нь байтугай тамхи та­таад ишийг нь сууд­лынхаа ха­жууд шууд хаяж буй, бохь зажлаад түүнийгээ дэвсгэр дээр огт тоосон шинж­гүй шид­­­чихэж байгаа нөхөд то­дор­хой болно. Ёс зүйгүй үйлдэл гаргасан этгээ­дэд мэдээж хуулийн дагуу арга хэмжээ авна.  Олон нийтийн газар танхайрч, бус­дын биед халдсан этгээдэд арга хэм­жээ авах зүйл заалт Монгол Улсын Эрүүгийн ту­хай хуу-линд байгаа. Ийм л маягаар шийтгээд эхлэх юм бол үзэгч­дийн танхайрал дараг­дах болов уу.

Гэхдээ гээндээ ч бий, гоон­­­доо ч бий гэдэг шиг бөхчүүдэд өөрсдөд нь бас асуудал байна аа. Үүнийг Доржсамбуу гарьдад хамаа­туулж хэлж байгаа юм биш л дээ. Бүх бөхчүүдэд хэлж бай­на. Тэд олны өмнө ил цагаан худлаа барилддаг, хэн нэгэн­дээ бууж өгдөг. Найраа гэд­гийг гардан хийж авлига хээл хахуульд идэгдчихсэн туучий­нууд л даа. Цэргийн баярын өдрөөр цэргийн бөх түрүүл­дэг, Увсынхны ойгоор Увсын бөх, аливаа нэг байгууллагын ойгоор тухайн газ­рын бөх нь түрүүлдэг бичигдээгүй хууль монгол бөхөд бий болсон. Энэ нь манай хүчтэнүүд, бид­ний хайрлаж хүндэтгээд ха­маг байдлаа барьж өгөөд байгаа бөхчүүд маань илт худлаа барилдаж нэгэндээ найр тавьдгийн тодорхой жишээ л дээ. Тэгэхээр бөх­чүүд маань мөн ийм бусармаг байдлаа зогсоочих ёстой юм. Тийм ухамсар тэдэнд байх учиртай билээ. Худлаа ба­рил­­даж бууж өгөөд байгаа нь үзэгч­дийн дургүйцлийг хүр­гээд байгаа хэрэг шүү дээ. Тархиа хага цохиул­сан Дорж­самбуу гарьдтай холбог­длоо. Тэрээр толгойндоо оёо та­виулс­наа хэлж байна. Чухам юунаас болж тархиндаа “сум”  зоолгосноо ийн тайл­бар­лалаа. “Бат-Орших харца­гаас би сэнжиг­ний барьц авч урдуураа таллаад шуудаг­даад автал хашлага тулчих­сан. Тэгээд үндсэн барьцаа­раа барилдаанаа үргэлжлүү­лэх гэтэл харцага барьц өгөх­гүй гэсэн. На­майг хашлагад тулгаж барьц авсан гэж Бат-Орших үзсэн л дээ. Бид хоё­рын дунд иймэрхүү л үл ойл­гол­цол барилдааны явцад үүссэн. Ингээд ерөнхий хө­лийн цэц болох Сэрээтэр харцага, Бумбаяр заан, Өв­гөн­хүү харцага, Цэнгэлсүрэн начин нарын цэцүүд зөв­лөлдөөд барилдааныг үнд­сэн барьцаар нь үргэлжлүү­лэх нь зөв, хашлагад тула­хаас өмнө барьцаа авсан гэж үзсэн. Тэгээд л барилдаан үргэл­жилж би давсан юм. Энэ л үзэгч­дийн сэтгэлд ний­цээгүй бололтой. Над руу ундааны сав шидэлж эхэл­сэн. Тэгтэл хэн нэгний шидсэн лаазтай ундаа тархийг минь хага цохисон доо. На­дад бол буруу байгаагүй ээ. Би ном дүрмээрээ л барилд­сан” гэв. Харин тухайн барил­дааныг дэргэдээс нь үзэж суусан бөх сонирхогчоос тодруу­лахад ийм хариулт өгөв. “Үзэгч­дийн ёс зүйгүй авирлаж байгаа нь буруу л даа. Арай л хэтэрхий харагд­даг. Гэхдээ Бөхийн
өргөөнд очоод, үзэгчдийн суудалд суугаад бөх үзэхэд дургүй хүрмээр, өөрийн эрх­гүй эсэр­гүүцлээ илэрхийл­мээр юм хум шидэлмээр зүйл зөндөө гардаг. Үндэсний бөхийн хэд­­­хэн секундэд бо­лоод өн­гөрч буй барил­даа­ныг бүү хэл өмнөхөө ч сайн хардагт эр­гэл­зэхээр хөгшир­сөн өвгө­дөөр хөлийн цэц хийл­гэхээ эхлээд болих хэрэг­тэй. Тэд л хамаг бу­дилааны эзэд бай­даг. Түм­ний нүдэн дээр ил болсон барилдааныг улаан цайм буруу шийдвэрлэх нь бий. Унасан бөх нь давж давсан бөх нь тахимаа өгөх тохиолдол бишгүй л гардаг даа. Үүнд үзэгчид дургүйл­хэхээс өөр яах билээ. Мөн засуул гэж мануухай­нууд байна. Тэд бөхийнхөө мал­гайг бариад зогсож буй зүгээр л нэг дээлний гол болсон хүмүүс. Хоёр нүднийх нь өм­нө болж буй барил­дааныг тэд л сайн мэдмээр. Гэвч засуулуудад мэдэж байгаа юм үнэндээ байдаггүй. Дорж­самбуу гарьд, Бат-Орших харцага хоёрын барилдаан хашлагад тулж барьц авсан, аваагүй гэж л маргасан. Сайн засуулаад байсан бол “Дорж­­­сам­буу гарьд аа, та хашлагад нааж аваачаад л шуудагны барьц авчих­сан шүү дээ. Ингэхээ болиоч” гэж шударгаар хэлнэ. Эс бөгөөс “Бат-Орших оо, чи үндсэн барьцаараа барилд” гэнэ. Энэ хоёр бөхийн барилдаан шиг ийм байдал зөндөө л гардаг” гэлээ.

Тухайн барил­дааны ерөн­хий хөлийн цэц ардын багш, улсын харцага Д.Сэ­рээ­­тэрээс тайлбар авахад, Дорж­самбуу гарьдтай ижил тайлбарыг өгсөн. Үндсэн дүрмийн дагуу ба­рил­­даан болсон гэдгийг хэлсэн хэрэг. “Доржсамбуу гарьд хаш­лагад тулаагүй байхад барьц ав­сан. Тэгээд л барилдаан үргэ­жил­сэн. Бат-Орших харцагыг хү­мүүс дэмжиж болно. Гэхдээ бид бол дүрмийн дагуу  л барилдааныг явуулах үүрэг­тэй. Доржсамбуугийн хувьд харамсалтай байна. Манай үзэгчид дэндүү бүдүүлэг, соёл­­гүй байна” гэсэн юм. Үндэсний бөхийн холбоо ч үзэгчдийн ёс зүйн тухай ярьж байлаа. Цэргийн баярын ба­рил­дааны үеэр болсон “хэ­рэг”-ийг тал бүрээс нь сөхө­хөд ийм байна. Монгол бө­хийн дэвжээ маань ийм л ариун бус болж, үзэгчдийн­хээ хог новшоор даруул­даг болжээ. Бөхийн дэвжээнд до­ромж­луулах юу ч биш амьд үлдвэл л дээдийн заяа болох нь ээ. Ингэ­хэд Бөхийн өргөөг анх ундааны саваар дүүргэж үзэгч олныг дэл­бэр­тэл уур­луулсан хүн маань цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэ шүү дээ. Яагаав, тэр жи­лийн цагаан сараар Их хурлын танхимаас ирж ба­рил­даад тухайн үед ид бяр нь жагсаж жинхэнэ торгон ирэн дээрээ байсан Г.Өсөх­баяр, Д.Сумъяабазар нарыг хүчээр буулгуулан ард түмнээ до­ромж­лоогүй билүү. Ингэж л аварга маань Бөхийн өр­гөөнд их том нүгэл үйлдсэн, түүний жишиг л өнөөг хүртэл хадгалагдаад яваад байна даа, хөөрхий.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Есдүгээр хутагтын нутгаар буугаад мордсон нь

Зураг дээр баруун гар талаас говийн есдүгээр хутагт О.Угтахбаяр

-НОЁН ХУТАГТЫН ХОЙД ДҮР О.УГТАХБАЯРЫН УУГУУЛ НУТАГ ДОРНОГОВИЙН ХӨВСГӨЛИЙН ТЭМДЭГЛЭЛ-

Шинээр тодроод буй есдүгээр
хутагтын төрсөн гэр болоод Эрдэнэбат ахынх нь
сумын төвөөс зүүнтээ дөчин
таван ки­ло­метрийн тэртээд нутаг­лаж байв. Улаан хошуу гэдэг газрыг нь хэлээд байна
л даа. Сүүлийн жилүүдэд Цувираагийн хөндий, Бор нуруу тэр хавиар л буурь
сэлгэх болжээ. 150 гаруй тэмээ­тэй, түүнээс
дөч орчим нь ботголно гэж
байсан. Ингэн тэмээд хонь, ямаа шиг шөнө оройгүй “ас­гаад” байдаггүй
ч өдөр бүр л торомгор нүдэн
ботгонууд нэмэгдэж, гад­саа тойрон буйлдаг бо­лолтой. Өвөлжөөний шар өтөгнөөс
нэлээдгүй зай­тай эр хөрсөн дээр томоо гэгч хүрэн
ат авдарлаад хэвтэж байгаа нь сүртэй
харагдана. Ойр зуурын ажилд сөөг
сөөг хөт­лүү­лээд, энэ л хот айлын ус түлээг нь дөхүүлж хар бор ажлыг нь нугалдаг ганц нь болов уу. Эрдэнэбатын
гэргий яриа хөөрөөний завсарт тавгийн идээгээ дахин
сэргээж ингэний зөөлөн хурууд тавиллаа. Түрүүнд, суварганаас наахна Цувираагийн хий­дийн доод
руу нэгэн айлын гадаа түр
зогсоход гэрийн эзэгтэй, сааж бай­сан ингээ орхиод санд мэндхэн ирж шинэхэн хурууд
бид дөрөвт атга атгыг өгсөн билээ. Тором­той ингэнүүдээ гаднаа аргамжиж шувтраад али­ваа зүйл ховордоод ир­дэг хаврын энэ
л хахир­ган сард ааруул хурууд­тай, айраг цагаа хоор­мог­той дэлхий дэлгэнүүлээд сууж байдаг байна шүү, дорнын говийнхон.

Ахынх нь хоймрын жаазанд шинэхэн хутагтын ганц нэг зураг байгааг олж харлаа. Энэтхэгт ша­вилж байх үеийн зурагнууд байна. Орон дээр тэрийлдэн хэвтэж, босч ухасхийн ингэний ааруул шүүрч бал бурам мэт амтлах Мэндээ хүү ахтайгаа хамт Энэтхэгт шавилж байсан гэнэ. Тэр тухай өөрөөс нь асуухад чихгүй юм шиг л сууна. Өөдөөс нүдээрээ инээчихээд өөр хариулт өгсөнгүй. Хар хөх ноосон малгай дарж өмсөн бор шаргал дээл эгэлдэргэлж, энгэрийг зад­гайл­сан Эрдэнэбат ах нь шар дурдан бүсэндээ ганц нүдний дуран зангиджээ. Түүнтэй л тав гурван үг сольж, гэгээнтэн дүүгийнх нь тухайд энэ тэрхнийг сонирхоод Хөвсгөл сум руу хөдөллөө. Аараг толгодын бэлээр явгалах салхи савирт ганц нэгхэн хамхуул хийсч, сайрын мөргөцөгт тарлантах хай­лаас­ны үзүүр үл ялигхан сэвэл­зээтэй. Говийн дуниартсан, хаврын тийм нэг зэгэл саарал өдөр мөнөөс мөн дөг өө. Харин Хөвсгөл сум руу шуугиад ороход өөр дүр зураг угтсан. Сумын төвд наадам болж байна аа. Наадмын талбайн гол дахь мандалд төрийн далбаа өн­дөрт намирч, биднийг очих үест соёолон морьд барианд орж бай­лаа.

Хаврын дунд сарын энэ цагт чинь юун наадам найр билээ, ижий аав, гэр бүлийнхэнд нь дуулгалгүй ус нутгийн олон хутагтынхаа наад­мыг хийгээд хөөрч суугаа юм биш байгаа гэх хар төрөөд явчихав. Гэвч үгүй юм аа. Хөвсгөл сумынхан жилийн жилд, хаврын хаварт наа­дам хийдэг байна. Жилд нэг баг нь зохион байгуулж, бай шагналыг нь дааж сүр жавхлантай нааддаг ажээ. Өнөө жил гуравдугаар баг буюу Элстэйн багийнхан зохион байгуулж азарга, соёолон урал­дуулан хэдэн харцуулаа ноцол­дуулсан нь тэр.

Говийн хэлхгэр өвгөд, ханагар хүрэн эрчүүд цагаан сараар гоёсон дээлээ өмсөж, өнгө өнгөөр алаг­лаад наадмын талбайдаа жийптэй нь жийптэйгээ, “жаран ес”-тэй нь “жаран ес”-тэйгээ, портертэй нь портертойгоо, мотоцикльтой нь мотоцикльтойгоо оччихсон байна. Магнайгаараа дүүрэн медальтай цоохор морин соёолонгийн уяач дээр яваад очлоо. Хадаг зүүснийг  бодоход айрагджээ гэтэл түрүү соёолон нь юм байна. Хөвсгөл сумын Б.Анхбаярын шар цоохор үрээ гуч гаруй соёолонгоос тийнхүү магнайдаа тоосгүй иржээ. Морь шинждэг хүн бол үгийг гамналгүй хэлж, хэдэнтээ тойрч харахаар сайхан үрээ байна лээ. Мань мэт нь ямар морь мэдэх биш. Зэргэлдээ сумдууд болох Хатанбулаг, Улаан­бадрахаас морьд ирсэн гэнэ. Ганц нэг нь айраг амссан ч дуулдана. Унаа болоод уяа морьд нь өнгө зүс сайтай, хүдэр эрчүүд нь хаврын салхинд алгадуулж гандаж хөхөр­сөн ч цаанаа л нэг жавхаатай байгааг харахуйд сүүлийн жилүү­дэд Хөвсгөл суманд өнтэй өвөл, хавтай сайхан хавар болсны шинж ээ. Хөдөө нутагт цагийн байдал сайхан цас зудгүй, ган гачиггүй л бол хүнтэй малтайгаа тавираад ирдэг хойно доо.

Уг наадам дээр хурдан удмын үрээ морьд сурч байгаа мэт нэг хүнийг сураглалаа. Тэр нь есдүгээр хутагтын багын найз Эрдэнэболд юм. Мань нөхрийг ёстой ганц ч алхуулалгүй бариад авав шүү. Европ маягаар хувцасласан тэрээр бас шаггүй уяач гэнэ. Тухайн өд­рийн наадамд соёолон үрээгээ аман хүзүүнд давхиулжээ. Жинсэн өмд­нийхөө тэлээний завсар хусуур сойзоо бүслэх нь холгүй нөхөр машинд суулаа. Ингээд Эрдэнэ­болдтой хөлс нь хатаагүй хүлэг морьд эргэцэж, хусуур сойз шар­гисан наадмын талбай дээр хутаг­тын тухай яриа хөөрөө үүсгэлээ. “Бид хоёр ерэн нэгэн онд Хөвсгөл сумын сургуулийн 1А ангид хамт орж байлаа. Анхны монгол бичиг үзсэн хүүхдүүд шүү дээ. Ангийн маань багш Ж.Юмрэн гэж хүн бий. Одоо Эрдэнэ суманд байгаа. Ма­най найз чинь багын л үг дуу цөөтэй, гэрээс гарах дургүй тийм л хүүхэд байсан.  Нэгдүгээр ангид хамт орсон хүүхдүүдээс бид хоёр л өнөөг хүр­тэл нөхөрлөж яваа байх шүү” гэж гэгээнтэн андынхаа тухай дурсаж байна. Тэрхүү цөөхөн хоромд Эр­дэнэ­болд инээдтэй гэмээр хэд хэдэн зүйл ярьсан. Тухайлбал, нэгдүгээр ангид хамт сууж байсан найзыгаа хэдэн жил хараагүй байж байгаад Өлгий хийдийн лам болсных нь дараа лам хувцастай харжээ. Түн­жийсэн толгойтой найз нь нэг өдөр гэрт нь сан тавихаар ирж л дээ. Эрдэнэ­болд мэнд ус ч үгүй түс­хийтэл инээгээд авч. Маани мэгзэм унши­хад нь бүр инээдээ барьж чадалгүй тачигнатал хөхрөөд ээж­дээ заг­нуулж гэрээсээ хөөгдөж гарсан удаатай. Түүнээс хойш найзаараа дандаа сан тавиулж, засал номоо хийлгэх болсон байна. Харин хутагт Эрдэнэболдод хандан “Чи намайг ямар тоох биш дээ. Маани уншихаар шоолж даапаа­лаад байдаг биз дээ” гэж тоглоом шог­лоо­моор үгийн завсар хэлж байсан гэдэг. “Морь уяж эхэлс­нээсээ хойш найзыгаа уяан дээрээ байнга ав­чирч сан тавиулах болсон. Уяа морьдоо барьчихаад л Угтахаа руу явна шүү дээ. Хамарын хийдийн лам байхад нь хүртэл гэртээ авчирч байлаа” гэж өгүүлэв.  Үе насны залуучууд хужаа мотоцикль дээр сундалдаад л ирдэг байсан биз ээ. Тэгтэл тэрхүү найз нь нэг л өдөр Говийн хутагтын хойд дүрээр то­дорч байдаг. Эгэл амьдрал гэдэг ийм л байдаг хойно доо. Энэтхэг рүү сурахаар явахад нь Замын-Үүд хүртэл гаргаж өгснөө, амралтаараа ирээд байхад нь хотод хоёр най­зын­хаа хамт уулзаж ресторанд сууснаа сонирхуулав.  Хутагтын багын найзтай ийнхүү уулзаж бага­гүй хуучилсны дараа Хөвсгөл су­мын төвд байх эгчийнд нь хүрч очлоо. Хоёр гурван том өрөөтэй цагаан байшинд  ээжийнх нь төр­сөн дүү Отгонтогтохынх аж төрж сууна. Тэрээр сургуулийн нярвын ажилтай. Гэр бүлийнх нь хүн мөн л сургуульд галчаар ажилладаг гэ­сэн.

Амьтан хүн орж гарсан хөл хөс болсон л айл байна. Бид хэрэг зоригоо дуулгатал уриалгахан хүлээн авч цай цүй болоод тэрүү­хэн тэндээ сандралдаад авлаа. Гэрийн эзэгтэй охиноо наадмын хуушуур зарж буй айл руу гүйл­гэлээ. Тэр хооронд тогоо тавин шинээр цай үйв. “Эгч маань (хутаг­тын ээжийг хэлж байна) дүү нар бидэндээ ээжийн оронд ээж бол­сон буянтан. Бараг л жил дараалан арван хүүхэд төрүүлсэн хүн дээ. Засгийн их малтай, олон нялх үртэй хэцүүхэн байсан үе бий. Арван хүүхдээ хүний дайтай өсгөх гэж үйл тамаа идсэн нь ч бий байх. Өрөвд­мөөр л харагддаг байлаа. Тэгтэл насны сүүлд жаргадаг юм байна аа. Бурхан тэнгэр хүнийг бас хардаг юм байна шүү” гэж Отгонтогтох эгч хуучилж байв. Ингэхэд тухайн гэрийн эзэн Даваасүрэн шиг хэрэг­тэй хүн Хөвсгөл суманд байдаг болов уу гэж бодогдохоор. Сур­гуульд галч хийхийн зэрэгцээ гэрээ­рээ гагнуур хийдэг аж. Цай дэврэх хооронд хоёр гурван ч хүн ирж уулзсан. “За Даваа минь чиний хэрэг л гарлаа шүү дээ” гээд ороод ирнэ. Хөдөө гадааныхан ундааны саванд хийсэн сүүтэй ирнэ. Түүний­гээ хэлэх ч үгүй, зүгээр л гал тогоо хавиар тавьчихна. Хөлс нь тэр. “Манай хүн хорь гаруй жил амьтны эвдэрсэн хэмхэрснийг засч явна. Сүүлдээ царай зүс ч байхгүй болох юм. Нүүр нь нэлэнхүйдээ түлэгд­чихсэн” гэж гэргий нь хэлэв. Түүнийг нь Даваасүрэн ах тоож байгаа ч юм алга. Нар салхинд зуу зуун жил алгадуулсан хүн чулуу шиг нөхөр муухан инээвхийлж л сууна. Гэхдээ болоогүй ээ цаад чинь, шар “жаран ес”  гаднаа сойчихсон додьгор эр. Машины, засварын газар болох амбаарын, өөр юу юуны ч юм бэ дээ баахан том хар түлхүүр баруун гартаа эргүүлсэн шигээ гэр дотуу­раа алхаад л.

Отгонтогтох бүсгүйтэй ахиад л хутагтын тухай ярилцлаа. О.Угтах­баяр ламтан нэгдүгээр ангид байх­даа дотуур байранд сууж байжээ. Нэлээдгүй зөрүүд нөхөр байсан бололтой. Хүн юм асуухаар дууга­рахгүй. Жаахан дургүйг нь хүргэ­чихвэл бүр гөжчихнө. Олны яриа­гаар бол түнжийсэн шар нөхөр л Хөвсгөл сумын сургуулийн дотуур байранд таваргаж явсан хэрэг. Гэгээнтний ээжийн мөн л төрсөн дүү, аймгийн алдарт уяач Бат-Өлзийн Болдыг хэн нь ч юм бэ “чихдээд” аваад ирлээ. Мань хүн азарга, соёолон хоёр сойж хаврын баяртаа уралдуулаад нэг айраг авчихсан, хэлхийсэн эр ороод ирлээ. Ингээд алдарт уяачаас Даваасүрэн ахын гал тогооны өрөөнд “байцаалт” авлаа. Багагүй урт ургаж, хоёр чихийг нь дарсан халимгаа арагш илбэн, жаахан духайсхийгээд ийн ярьсан юм. “Ахынх (хутагтын аавыг хэлж бай­на) сумын төвөөс баруунтаа Өл­зийт, Баян модоор нутаглана. Наяад оны дундуур, тэр чинь наян дөрвөн оны намар юм аа. Манайх Өлзийтийн наахнатай Сухайт, Улаан худагаар нутаглаж байлаа. Би гэдэг хүн засгийн их тэмээтэй, хэдэн тэмээ салхидуулаад алдчих­сан эрэлд явж байхдаа ахынхаар буусан юм. “Эгч нь амаржаад дөнгөж саяхан гарч ирээд байна” гэж ах хэлж байсан. Тэрхүү улаан цурав үр өнөөдрийн есдүгээр хутагтаар тодроод байгаа Угтах­баяр даа” гэв. Ёстой л нэг нэмэр хачиргүй сайхан дурсамж.

Тэрээр цааш ярьсан нь “Өлгий хийдийн Дамбарэнцэн тэргүүтэй лут лам нар байлаа. Ихэвчлэн гавж, хамбууд байсан байх. Тэд л Угтахааг ихэд тоож шашны маш том зүтгэлтэн болно гэж хэлдэг байсан юм билээ. Би ч бас тэдний амнаас ийм үг сонсч л байлаа. Ерээд оны эхээр шиг санагдана. Намар оройхон хэрд ахынд дав­хиад очтол “Хүү минь Өлгийн хий­дэд шавилж байгаа. Түнжгэр үрийг минь ирээдүйд нэртэй лам, шашны зүтгэлтэн хувраг гэгээнтэн болно гэж хийдийн лам нар хэлж байна. Түүнийг сонсоод ихэд баяртай байна аа” гээд Отгон-Амжилт ах бөөн хөөр, нүдэндээ нулимстай сууж байсан. Одоо бодох нь лууга­рууд мэддэг л юм байна”. Бас л гоё дурсамж. Болд уяачийг нэлээдгүй шалгааж энэ тэрийг асуусны явцад нэг зүйл тодорхой болсон юм. Тэр нь гэгээнтний ээж Өргөнцагаан Өмнөд Монголоос гаралтай гэдгийг мэдсэн явдал байлаа. Нэг их сүр­хий юм биш л дээ. Гэхдээ хүмүүст сонин байх болов уу. Болд ах ярьсан нь “Манай ээжийн аав Гомбо гэж номтой мэргэн, ноён хүн байжээ. Өвөр Монголын Баруун Сөнөдийн хошууны лам хүн бай­сан гэдэг. Эмээ минь Намжилмаа гэж Баруун Сөнөдийн хошууны цуутай хүүхнүүдийн нэг явсан гэдэг” гээд цааш үргэлжлүүлэв.    

Болд ахтай наадмын хуушуур гулгуулсан шигээ баахан хууч хөөрөөд гэрээс гарлаа. Отгонтогтох эгчээр хөтөч хийгээд гарсан юм. Тэрээр алдарт уяачтай гал тогоог нь эзэгнэж байх зуурт бага ангийн багш Наранбаяртай яриад, гэгээн­тэн дүүгийнхээ сурч байсан ангиар намайг оруулах программыг хэдий­нэ зохион байгуулжээ. Сумын төвд үдээс хойшдоо элсээр шуурч, хүйтэн ч юм шиг, халуун ч юм шиг салхи хацар алгадаж байлаа. Хөвс­гөл сумын сургууль Монголын нэрт зохиолч, богино өгүүллэгийн мастер Жагдалын Лхагва агсны нэрэмжит гэдгийг миний бие гадар­лах юм. “Толгодын цаана ингэ буйлна”, “Анхны хайрын зурвас” тэргүүт сонгомол бүтээлүүдээр нь Жагдалын Лхагва агсныг олон түмэн мэдэх билээ.

Хутагтынхаа ангиар орлоо,  Г.Наранбаяр багштай уулзлаа. Ерэн нэгэн онд Угтахаа ламыг нэгдүгээр ангид ороход Наранбаяр багш нөгөө ангийг нь дааж авсан түүхтэй. Тийм хэрнээ хутагтаа мэдээд байгаа нь сайхан юм. “Мант­гар шар банди” байсан даа гэж байна. Наранбаяр багш 32 жил тасралтгүй бага анги дааж, зүггүй шувуухайнуудтай зууралджээ. Үг яриа нь хүүхэд шиг, дуу хоолой нь ч тийм нэг намуухан, хөдөө сумын багын багш нар ийм л байдаг аа гэх сэтгэгдлийг төрүүлэхээр. Хутаг­тын сурч байсан ангид Наранбаяр багшийн ангийнхан хичээл хийж байна. Долоо, найман настай балчрууд сүрхий гэгч нь тоо бо­доод “номхон команд”-тай сууж байв. “Равжаа хутагт чинь манай Хөвсгөлийнх шүү дээ. Улаан­бад­рахынхан манайх гэж булаа­цалд­даг. Гэтэл ямар ч маргах зүйлгүйгээр манай нутгаас хойд дүр нь тодор­лоо” хэмээн ардын багш баяр хөөртэй сууна. Багшийн ярианаас бас нэг зүйл анзаарагдсан юм. Хутагт тодорлоо гэнгүүт л сургууль даяараа хэний шавь бэ, хэн хэн ойр байсан бэ, байрны багш нь тэгэхэд хэн байв, ямар айлаар орж гарч байв гээд л баахан эрэл сурал болсон шиг байгаа юм. Тэгтэл нэгдүгээр агийнх нь багш өөр суманд байдаг, байрны багш нь бурхны оронд явчихсан байдаг, орж гарч байсан айл гэхээр бүдэг байдаг, ер нь л базаахгүй дүр зураг гарч. Сургуулиас гараад сумын төвөөр нааш цааш холхиж дэлгүүр хоршоо орсон шигээ бага сага саатлаа. Энгийн иргэдээс хутагтын тухай асууж, ямархан хариулт өгөхийг нь сонирхов. Ихэнхдээ л мэдээж баяртай байна. Манай Хөвсгөл сум ерөөлтэй, номын авшиг­тай нутаг гэж байна. Ер нь хүмүүсийн ярианаас анзаарахуйд “Түнжийсэн толгойтой шар юм” гэхээс өөр зүйл дуулдсангүй. Есдү­гээр хутагт маань тавдугаар ноён хутагт “галзуу” Равжаагаасаа эрс өөр бололтой. Архи дарс, авгай хүүхэн, шүлэг найраг гээд олоон зүйлээр “дутуу” буюу.

Үргэлжлэл бий.
Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Есдүгээр хутагтын нутгаар буугаад мордсон нь

Есдүгээр ноён хутагтын төрсөн ах О.Эрдэнэбат хүү болон төрсөн дүү Мэндээгийн хамт

-НОЁН ХУТАГТЫН ХОЙД ДҮР О.УГТАХБАЯРЫН
УУГУУЛ НУТАГ ДОРНОГОВИЙН ХӨВСГӨЛИЙН ТЭМДЭГЛЭЛ-

Сайншандын галт тэ­рэг­ний буудал дээр шө­нийн 01 цаг гучин таван минутад ирлээ. Гар цүн­хээ бариад хамт ирсэн нэгний ачаа бараанаас үүрэлцээд буугаад иртэл Лхагваа маань (яруу най­рагч Бямбаагийн Лхагва­дорж) “А” зэрэг­лэлийн суудалд суусныг хэдийнэ мэдчихсэн, хаалганы өмнө тосоод зогсож бай­на. Олон таван үггүй тун даруу тэрээр “Гэнэт наашаа явах ажил гарав уу. Найз нь унаа тэрэг зохицуулчихсан” гэснээс өөрийг хэлсэнгүй. Галт тэрэгний зогсоолын ёлтой­сон гэрэлд анд минь адуун цагаан шүдээ­рээ инээмсэглэх нь нэг л сайхан. Өнөө л дотнын төрх, цаанаа л эрхэмсэг байдаг найрагчийн царай мөн дөө.

Өдгөөгөөс арваад жилийн тэртээд Арлааны Эрдэнэ-Очир найрагч Равжаа хутагтын нутгаа үзүүлэх гэж хотоос оюутан намайг дуудаж яг л энэ буудал дээр, яг л энэ цагт сэгсийтэл зогсоод хүлээж байлаа. Тэгэхэд намар оройн туналзсан ягаан салхитай үдэш байсан сан. Энэ удаа бол хаврын дунд сар дөнгөж цухуйж буй урин цаг юмсанж. Төмөр замын цардмал цагаан шатны урдхан талд хар ногоон “ланд” өмнө зүг рүү хараад зогсож байна. Лхагваагийн бэлдсэн унаа морь ажээ. Жолооч нь Баяраа гэж үе тэнгийн даруухан залуу байна.  Ингээд Сайншандын зүүрмэг­лэж ядаж буй нойрмог шөнөөр эрхэм нөхрийндөө хүрч очлоо. Гуч гарч буй ганц бие, тэгээд найрагч залуугийн гэр орон гэдэг ямар л олигтой байхав дээ. Уул нь мань эр нягт нямбай хүн л дээ. Гэхдээ ундуй сундуй л харагдана. Дутуу уншаад орхисон номынх нь хуудас дэлгээтэй хэвээр хал­бага, сэрээ энэ тэртэй нөхөрлөөд гал тогоо хавиар байх жишээний.  “Найз нь цуйван хийгээд ээ” гэж байна. -Чи чинь хө, нэг “юм”-тай болсон гээд байсан, яасан билээ гэж би гэдэг хүн ямар ч эв хавгүй, хээ шаагүйхэн асуугаад авлаа. -Нэг бүсгүй бий. Өнөөдөр тэдний­хээс урвачихлаа. Найз минь хотоос ирэх гэж байна гэж гараад буцаж очсонгүй. Унаа тэрэг гэж захаар баахан давхиад, Хөвсгөл сум руу явдаг машин гэж алга. Хатан­бу­лагийн нэг жаран есийг хөлсөлчих санаатай ярьсан чинь хэд гурван зорчигч авчихсан байж. Тэд нь уурлаад хавьтуул­даггүй. Тэгтэл харин Баяраа маань яваад өгье гэдэг юм. Энэ чинь саяхан хот хүрээ орж, энэ “Ланд 80”-ыг авч ирээд байгаа хүн л дээ хэмээн баахан учирлалаа. Найз бүсгүйнхээсээ оргоод, гэртээ ирж адууны мах чанаад, цуйван хийгээд гээд хөөний л юм яриад байна. Гэхдээ уг яриа хөөрөөний завсар тийм нэг чин сэтгэлийн, анд нөхөр­лөлийн эдүгээ цагт бол тунчиг ховордсон бараа сэлт хавчуу­лаастай байгаа нь илт шүү.

Ингээд гурвуул хар ногоон ландтайгаа гарч өглөө. Шөнийн хоёр цаг өнгөрч байгаа. Замаараа Эрдэнэбаяр гэж залууг авлаа. Шөнө дөлөөр явах учир зам сайн мэддэг  хүн хэрэгтэйг Лхагваа юу эс андах билээ. Эрдэнэбаяр бол ээжийн талаараа Хөвсгөл сумынх ажээ. Өөрийнх нь төрсөн нутаг Алтанширээ сум юм байна. Төрийн шагналт Балжирын Дог­мид, соёлын гавьяат зүтгэлтэн Галсангийн Жамъян, Шагдарсүрэн­гийн Гүрбазар гээд олон авьяаст­ны, адармаатай нөхдийн өлгий нутаг даа, Алтанширээ гэдэг чинь. Бид дөрвийн говийн тунгалаг шөнөөр зорьж яваа Хөвсгөл сум Сайншандаас нэг зуун дал гаруй километрийн алсхан бий. Говийн тавдугаар ноён хутагт Данзан­равжаагийн төрж өссөн газар Шувуун шанд, Дулаан харын уул Хөвсгөл сумын нутаг тал руу байд­гийг миний бие өмнө нь хэд хэдэн удаа дөрөө мулталсных мэдэх билээ. Тэгтэл догшин хутагтын тэр л ус нутгаас хойд дүр нь тодорсон мэдээ сүүлийн үед чих дэлсэх болсон. Нарийвчилбаас, Дорно­говь аймгийн Хөвсгөл сумын уугуул Отгон-Амжилтын арван хүүхдийн нэг Угтахбаяр гэж залууг Говийн ноён хутагтын ес дэх дүрээр тод­руулж, Дээрхийн гэгээнтэн ёсчлон баталж, түүнийг нь Хамарын хийдийн тахилч Зундуйн Алтангэрэл тэргүүтнүүд олонд зарласан билээ. Дорнын говиос, Хөвсгөл сумаас тодорсон гэгээнт­нийг сурвалжлахаар Сайншанд-Замын-Үүдийн галт тэргэнд санд мэндхэн суусан минь энэ буюу. Гэхдээ есдүгээр хутагтынхаа эрдэм чадлыг, номын авшиг буяныг нь сурвалжлах гэж зорьсонгүй. Зүгээр л энгийн борог амьдралыг нь олонд бага ч болов үзүүлэхийг эрмэлзсэн хэрэг ээ. Гэгээнтний ижий аав нь  чухамдаа ямар хүмүүс байх, нут­гийн зон олон ямархан санаа бодолтой баяр хөөртэй байхыг, ах дүү амраг садангаар нь нэг буугаад мордъё, тэд юу ярих нь уу, багын нөхөд хийгээд багш нартай нь нэг уулзъя, сургууль соёлоор нь оръё гэж гэнэтхэн шийдээд найз бүс­гүйн­хээ өвөрт нялуурч хэвтсэн Лхагваагаа хөөж босгон, Баяраа­гаар морин жолоочоо хийлгэж, Эркаг хар шөнөөр мөн л халуун хэвтрээс нь аваад гарч явна. Мон­гол орны хаана ямар л үйл явдал болно аймшгийн хэрэг төвөг, уул уурхайн дэлбэрэлт, нинжа нарын тулгаралт, энгийн гэмгүй иргэд амиа алдаж, эрх чөлөөгөө эдэлж ча­дахгүйд хүрэх, өмнийн говь Нэмэг­тийн хөндийгөөс өнөө алдарт Батаарын яс алга болсон хийгээд Завханы Тэс-Монголын хойд хил дээр буун дуу гарсан зэрэг бүхий л зүйлд “Өдрийн сонин” очиж уншигч олондоо үнэн зөвийг хүргэсээр ирсэн. Усан могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарыг  Монголынхоо зүүн хязгаарт угтаж, манай Т.Цогт-Эрдэнэ сэт­гүүлч шуудангийн тэрэг бүү хэл, шувуу ч үзэгдэхгүй зүүн хязгаарын заставт хэдэн бор цэрэгтэй зургаа татуулж “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрэн дээр гарч байсныг уншигч олон мэдэж буй. Энэ л уламжлалыг хадгалж намайг ийнхүү хутагтын нутаг руу “шидсэн” бөлгөө.

Яралзтал газрын цээжинд морьд гараад ирдэг шиг яах ийхийн зуургүй Дулаан харын ууланд хүрээд ирлээ. “Дулааны харын ууланд Саран хөхөө донгодно л…” гэх нь бий. Равжаа хутагт Саран хөхөөний намтраа энэ газар усанд задгай хээрт тоглуулж байсан түүх бий. Зүүнбаянгаар дайраад өнгөрөх  зуурт Догмид ахыг ярьж бүгдээрээ баахан инээлд­лээ. Санхүүгийн техни­кумын нэгдүгээр ангийн оюутан Шар хадны архины тасагт хэвтэж байгаад Чойжилын Чимид гуайд хөөгдсөнийг нь, Сайншандаас Зүүнбаян орох тавиадхан кило­метрийн хооронд гар өргөөд суу­сан цагаан паарчигтай охиныг гэргийгээ болгоод авсныг нь, Дор­но­говьд нэр дэвшихээр лут амьтан ирж Жагдалын Лхагваагаа мене­жер болгоод буруудсан хөгийг нь ярьж явсан юм. Шөнийн харан­хуйд лүглийсэн ат шиг амьтад Дулаан харын овоог нар зөв тойрч чулуу нэмэрлээд, дуу дуугаа авч яриглан чоно шиг сунайлдав. Говийн шөнийн оддын туяа овооны зах бэлийн чулуунд талстана. Гурав­дугаар сарын хөхөмдөг салхи энгэр заамаар шургалан, хацар нүүрийг илбэх нь цаанаа л уясуу. Дөрвүүл нэгэнтээ бие сэргэж аваад машин­даа сууж адуун махнаасаа гул­гуу­лан умс, хятай зэргийг баа­хан амтархан идээд цааш хөдөл­лөө. Замын хажуугаар бударгана баг­сайл­даж, заг, хайлаас тэргүүтэн сүглийлдэнэ. Цагаан зээр гэрэлд хаа нэгтээ үзэгдэж, туулай хоёр чихээ сортолзуулаад зам хөндлөн давхина.

“Шувуун
шандад үүр хаяарахыг харах гэж л найз нь шөнө дөлөөр гарахын хүслэн болсон” хэмээн Лхагва маань үнэнээ хэлж байна. Бидний яриа есдүгээр хутаг хий­гээд зорьж яваа газар усны тухай үе үехэн үргэлжлээд л байгаа. “Хутагтыг Хамарын хийдэд нь залчихаад буцаж явахад би яг таарч билээ. Алтангэрэл тахил­чийн хар жийптэй ижил хар машин, номер дугаар нь ч их адилхан машинд шар хадаг яндар болсон залуухан лам дэргэдүүр өнгөрсөн нь хутагт маань байж шүү дээ” гэж Баяраа өгүүлж байна. Үүнийг залгуулаад нэг нь “Хутагтын хөлөг­лөж яваа хар “хоёр зуу”-г хаанаас өгсөн гэлээ дээ” хэмээн үгийн хачир болгоод авлаа.

“Шувуун
шандаас баруухнатай нэгэн суварга босч байгаа. Хэдүүлээ замаараа дайрна. Уг суварганы цаахна хутагтын ижий аавынх нутаглаж байгаа” хэмээн Эрка энэ л газар устай эхийнхээ хүйгээр холбоотойн учир нэгд нэгэнгүй ярьж байна аа. Тэрээр аавынхаа нутаг Алтанширээгийн засаг ноёноор дөрвөн жил ханай­гаад халаагаа өгчээ. Одоо аймгийн төвд хувиараа ажил эрхэлж байгаа гэсэн. Манайхны хэлдгээр “чөлөөт уран бүтээлч” гэдэг шиг л юм даг уу даа.

Нээрээ чиг үүр хаяарахын алдад Шувуун шандад хүрээд ирлээ шүү. Зам бараг л гажсангүй. Төөрч будилсангүй туушхан л давхиад ирлээ. Үүр хаяарахын өмнө болоод тэр юм сан уу, салхи гэдэг чинь ёстой салхи байна. Өнөө хавирга нэвт үлээнэ гэдэг шиг хаа хүү байна. Өвлийн зузаан курткээ гар цүнхэндээ чихээд хийчихсэн, дан ноосон цамцан дээр торгон савхитай гангараад байсан чинь бишдээд явчихлаа. Шувуун шан­дын салхинд өөрийн эрхгүй чичир­дэг байна шүү. Гэвч ажир­сангүй ээ. Анд нөхдийнхөө халуун сэтгэлд нөмөрлөсөн шигээ  Равжаа хутаг­тын­хаа гэрэлт суварганы өмнө мэхийн зогссон. Бүрэг бараг­хан төдийд элсээр шуурсан хаврын хавсаргыг сөрж, Шувуун шандын нарийн шаргал элсэнд гутал зоог­донгуй байсан ч нэг л мэдэх нь ээ уулсын хөтөл дээр гэрэлтэн сацрах ариун шүншигт хөшөөнийх нь дэргэд ирсэн байв. Энэхэн цаг мөчид Лхагваа минь яруу найраг­чийн сэтгэлээр хүүхэд шиг баясан “Найзынх нь хорин жилийн мөрөө­дөл биеллээ” гэж дал мөрийг минь алгадав. Тэрхүү баяр хөөрийг нь улмаа бадраах гэсэн мэт дорнын талаас үүрийн цагаан гэгээ алд алдаар туяарч байлаа. Ийнхүү догшин хутагтын нутагт дорноос мандах наранд залбирч, гэрэлт суварганых нь өмнө гэгээ татуулж зогсох цаг мөч ирдэг л юм байна. Өнөө цагт толгойтой бүхэн л энер­гийн тухай ярьж, Равжаагийн Ха­марын хийдийг бөөн бөөнөөрөө зо­рих болсон. Сүм суваргад нь мөр­гөж, Хар ууланд нь сүсэлж, зуун найман агуйд нь бараг л гэгээрч аваад буцдаг гэж байгаа. Тэгвэл Хамарын хийдээс гадна төрсөн бууц Шувуун шандад нь үүрийн гэгээнээр ирж, наран мандах цаг дор Дорнын говь нэлдээ алтран шаргалтахыг харахуйд нүдний манан арилах шиг болдог юм билээ гэдгийг энэ дашрамд дуулгачихъя.

Эрдэнэбаярын хэлээд бай­санч­лан Шувуун шандын цаах­натай суваргаар дайраад гарлаа. Цэцэг-Өлгий гэж залуу уг бүтээн байгуулалтын ажлыг удирдаж байна. Сайд нарын зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан Монгол төрийн нэгэн түшээ Ч.Сүрэн гэж байсныг манайхан мэднэ дээ. Тэр хүн Хөвсгөл сумын унаган  иргэн байжээ.  Аавынхаа дурсгалд зориулж үр хүүхдүүд нь тэрхүү суваргыг бүтээлгэж байгаа юм байна. Догшин хутагтын төрсөн бууцан дээрээс өглөөний наранд оройн ганжир нь алтраад байгаа нь тодхон үзэгдсэн суварга үнэхээрийн сүрдмээр юм аа. Төр түмнийхээ төлөө зүтгэж ирсэн аавынхаа дурсгалд үр хүүхэд нь байгаа бүхнээ зориулж буй нь илт. Суваргын өндөр дөчин таван метр гэсэн байх шүү. Тойргийн хэмжээ хэчнээн ч найман ханатай гэрийн буурьтай тэнцэх юм бэ дээ, бүү мэд.

Цэцэг-Өлзий биднийг “Багшийн гэрээр нэг ороод гар даа” гэв. Ёотон шиг дөрвөлжин олон цагаан байшин­гийн дээхнэ талд нэгэн гэр байсан нь багшийнх нь өргөө ажээ. Багш нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбат гэнэ. Хэд хоноод л нисдэг тэргээр ирж өргөөндөө морилж, суварганы бүтээн байгуу­лалттай танилцдаг гэж байгаа. Гэрийнх нь хойморт шар хадгаар баринтагласан олон судар ном давхарлаастай байна. Тэнд өглөө­ний цай цүй барьчихаад цааш хөдөллөө. Шинэхэн тодроод буй есдүгээр хутагтын аав ээжийнх Цувираагийн хийдийн дээхнэ, Улаан хошуунд хаваржиж буй. “Отгон-Амжилт ах, Өргөнцагаан эгч хоёртой бараг л ах дүүгийн барилд­лагатай явдаг. Гэрээр нь орж гарна, хооллож ундална. Цагаан сарын дараа золгох гэтэл эзгүй байгаа дуулдана. Дараахан нь сураад байтал бүр байдаггүй. Гадагшаа явсан ч гэх шиг. Саяхан л хүүхдээс нь мэдлээ шүү дээ” гэж суварганы Цэцэг-Өлзий хэлж бай­сан. Тэгэхээр ойр хавийнх нь хүмүүс нарийн учрыг сайн мэдээгүй л байгаа бололтой. Ямар хүүхэд нь гэнэтхэн гэгээнтэн болоод улс даяар шуугиад явчихав гэдгийг зарим нэг нь ухаж төвдөөгүй нь нутгийн захаас л мэдрэгдэж байсан.

Цувираагийн хийдийг чанх урдуур нь эмжээрлэн өгсөж, Хөвс­гөл сум руу хөтлөн туушиндах төв замаас баруун хойшоо салж дав­хиулсаар хот айлд ирлээ. Хотоос зорьж ирсэн айл маань энэ шүү дээ. Хоёр гэрийн гадаа нэг нэг хужаа мотоцикль ёс юм шиг л байж байна. Баруун гэрийн хатавчийг  шар “жаран ес” налаад “хэвт­чихэж”. Гэрийн урдхан дөнгөж саяхан гарсан бололтой нойтон ботго унаж босон чүүчигнэж, хажуу­ханд нь хүрэн улаан ингэ хавь ойрыг сүрхий чигч ширтэнгүй зог­соно. Хоёр гэрийн зүүн талынхад нь орлоо. Есдүгээр хутагтаар тодорсон Угтахбаярын ах Эрдэнэ­батынх ажээ. Эрдэнэбат гэргий хүүхэд болоод өөрийн төрсөн дүү Мэндээгийн хамт байж байна. Аав ээж нь хараахан ирээгүй гэнэ. “Манай хоёр чинь яваад удаж байна. Одоо аймгийн төвд байгаа сурагтай. Түрүүнд Мэндээг хажуу талын толгой дээр гаргаж утсаар яриуллаа. Үдээс хойшдоо гарах гэнэ” гэж гэрийн эзэн өгүүлэв. Гэгээнтний ах Эрдэнэбатад ч тэр, төрсөн дүү Мэндээд ч тэр ерөөс энэ айл гэрээс хутагт төрсөн шинж алга шүү. Байдаг л амьдрал байгаа­гаараа л байж байна. Өөр яах ч билээ дээ, гэхдээ гэрийн эзний яриа хөөрөөнөөс дүүгийнх нь тухай тодруулбал, хутагтын талаар ганц ч үг гарсангүй. Тэрээр хаваржилтын байдал, ингэ ойр ойрхон ботголж байгаа зэрэг хөдөөнийхөө л өдөр тутмын сониноос дуулгаж байлаа. “Танай гэрээс Говийн ноён хутаг­тын хойд дүр тодорлоо доо. Энэ мэдээг хэзээ дуулав” гэхүйд, Эр­дэнэ­бат “Тийм гэсээн. Утсаар нэг ярьтал аав ээж хэлсэн” гэхээс өөр хариулт өгсөнгүй. Мэндээ дүү нь зүүн орон дээрээ тэрийж хэвт­чихээд ер чимээ аниргүй шүү. Баруун талын гэр нь мэдээж аав ээжийнх нь гэж байгаа. “Аав ээж хоёрыг ирвэл нүүх санаатай байна. Шар өтөгнөөсөө ядахдаа салъя даа” гэх санаагаа шуудхан хэлээд авсан. Есдүгээр хутагтын төрсөн гэр, ах дүү нар нь нэг иймэрхүү огтоос ажиг сэжиггүй байж байлаа.

Үргэлжлэл бий.

  Н.ГАНТУЛГА     

Categories
редакцийн-нийтлэл

Б.Магсаржав: Жавхлангийн гавьяатын тэмдгийг өөрт нь буцааж өгнө

Зүүдэн бороо“, “Насны на­мар“, “Хилийн заставын хар нүдэн бүсгүйзэрэг олон хит дууны хөгжмийг бичсэн авьяас­лаг хөгжмийн зохиолч Бадар­чийн Магсаржавтай ярилцлаа.

Таныг Хөх хотод багагүй хугацаанд амьдарч уран бүтээлээ туурвисныг хүмүүс мэднэ. Та ер нь яагаад урд хөршдөө суух болсон юм бэ?

-Ерэн онд намайг чинь Хятадын хөгжмийн дээд сургуульд хөгжмийн зохиолчоор явуулсан. Нацагийн Жанцанноров, Цогзо­лын Нацагдорж гэж хоёр аварга амьтан дэмжиж явуулсан юм. Үнэн­дээ бол дорно дахины хөгжмийн урлагийг сайтар судлах үүрэг өгсөн хэрэг л дээ. Өмнө нь манайхаас уг сургуульд төрийн хошой шагналт Билэгийн Дамдинсүрэн, нэрт хөгжмийн зохиолч Гончигдамбын Дарамзагд нар суралцаж төгссөн байдаг.  Миний бие очоод багшаа­саа асуулаа. Багш маань Хятадын төрийн шагналт хөгжмийн зохиолч Жан Сан Пү гэж хүн. Одоо ерэн гуравтай хөгшин байгаа. 

Юу гэж асуув?

-Дамдинсүрэн гуайн тухай л асуулаа. “Төрийн хоёр удаагийн шагналт, Монгол Улсын Төрийн дууллыг бичсэн тэр хүн их юм сурсан уу” гэж. Тэгтэл багш “Танай Дамдинсүрэн манай сургуульд суралцах хугацаандаа юу ч сураа­гүй ээ. Цаадах чинь бол байга­лиасаа заяагдмал авьяастай хүн юм билээ. Харин пиво л ууж сурсан даа” гэдэг юм. Би багшийн тэр ярианаас нэг зүйлийг сайтар ойлгосон. Монголын хөгжмийн зохиолчид бол ерөөсөө төрдөг юм байна гэж бодсон шүү. Ингээд би зургаан жил сураад ирсэн. Тэгтэл дараа жил нь Хөх хотын хөгжмийн сургууль намайг багшаар урилаа. Тэгээд 16 жил ажиллаж байгаад эх орондоо ирсэн түүхтэй

Та чинь Увсын цэнхэр хязгаарын хүн дээ?

-Алдарт Таван Тэсийн хүн шүү дээ. Олон бөх төрсөн  нутаг. Урлаг соёлынхноос гавьяат жүжигчин Найдан гэж баянхуурын багш байна. Намайг сургуульд ороогүй байхаас тэр хүн хөгжмийн хичээл заасан. Аав минь сум нэгдлийн нярав байлаа. Ганц хүүдээ баянхуур авч өгч эрхлүүлэхгүй юу. Би чинь багаасаа алдаршсан хүн. Пионер сурагчдын урлагийн наадам гэж Улаанбаатар хотноо болдог байхуйд хөдөө сумаасаа таван удаа ирж оролцоод Бал даргаас шагнал авч явлаа. Намайг аравдугаар ангиа төгсөх жил  Увс аймгийн Боловсролын хэлтсээс тухайн үеийн Багшийн дээд сургуу­лийн хөгжмийн ангийн хуваарийг өгсөн. Багшийн сургуулийн босго алхахад “Баянмонгол” чуулгын дуучин Галхүү гэж хүн намайг тосч авсан юм. Өнөө алдарт дуучин Галхүү чинь бидэнд онол зааж байв. Свердловскийн хөгжмийн дээд сургуулийг дүүргээд ирсэн гялалзсан залуу байлаа.  Дууны уран бүтээлч болох гараагаа би Галхүү багштайгаа холбодог нь учиртай. За тэгээд алдарт  Л.Мөр­дорж, Н.Жанцанноров, Ц.Нацаг­дорж, Ц.Чинзориг гэсэн аваргууд надад багшилж эхэлсэн.  Тэд гэр орноороо хичээл зааж байсан.  Мөөеө (Л.Мөрдорж агсан) багш надад “Чамайг хөгжмийн асар их авьяастайг чинь мэдрээд байна. Чи манайд очиж хичээл заалга” гэнэ. Гэр нь 120 мянгатад байлаа. Надад “100 грамм архитай ирнэ шүү” гэж тушаана.  Тэгээд 100 граммын жижигхээн шилтэй архи аваад очно доо. Солонгос эхнэрээсээ нууж  тийм арга хэрэглэдэг байсныг хөгжмийн хүрээнийхэн мэдэх байх. Тэгж л агуу их Мөөеө багшаар гэрт нь, Төрийн  дууллын хөгжмөөс аваад олон сонгодог бүтээлээ туурвисан хүрэн шаргал төгөлдөр хуурынх нь дэргэд хичээл заалгаж явлаа. Энд бас төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригоо дурсмаар байна.

Тэг л дээ?

-Чинжиг маань  Свердловскоос амралтаараа ирчихээд “Үүлэн цэнхэр хангай” дууныхаа аяыг сонсголоо. Тухайн үед надад “Ийм л дуу биччих юм бол хөгжмийн зохиолч болох юм байна даа” гэж бодогдож байсан.  Тэрхүү авьяас билэгт хөгжмийн зохиолчийн “Нам­рын дурсамж”, “Хорвоод ганцхан ээждээ” дуунуудыг нь сонсоод би өөрийн эрхгүй  бахаддаг. Чинжиг залуухнаараа өнгөрнө гэдгээ ч мэддэг байсан ч юм уу, чи л намайг л залгаж үлдэнэ шүү гэж хэлдэг байж билээ. 

-“Зүүдэн бороодууныхаа түүхээс ярихгүй юу. Нэгэн бүсгүйд зориулж энэ дууны хөгжмийг бичиж байлаа гэж та нэгэнтээ хэлж байсан санагдана?

-Тийм юм аа. Уг дуу төрөх үед би чинь арван есөн настай байж дээ. Хорь ч хүрээгүй хонгорхон залуу явж. Улаанбаатараас Эрдэнэт орох замд галт тэргэнд төрсөн бүтээл шүү дээ. Бавуугийн Лхагвасүрэн найрагчтай аян зам нийлж, түүгээр ч зогсохгүй нэгэн ширээний хоёр талд тохой залган суух эрх олдсон юм. Оройхон Лхагвасүрэн ах хэлж байна аа. “Хоёулаа вагон ресторан оръё, тэнд жаахан хуучилъя” гэлээ. Би ч дагаад явлаа. Бид хоёрын ширээ­ний хажууханд гурван бүсгүй ирээд суулаа. Тэр зүгт миний анхаарал өөрийн эрхгүй ханд­саныг найрагч ах хэдийнэ мэджээ. “Магсаржав аа, чамд тэгээд аль нь илүү таалагдаад байх юм” гэх утгатай зүйл тулган асуудаг байгаа. Би ч балмагдахгүй юу. Тэр том найрагчийн чинь өмнөөс юу гэж хэлэлтэй билээ. Гэхдээ яахав, аян замд яваа адилхан эр хүмүүс болохоор “Ах минь, дунд нь суугаа тэр бүсгүйн хар нүд л дүүг нь даллаад байна” гэж үнэнээ хэл­лээ (инээв). Лхагвасүрэн найрагч өнөө гурвыг чинь ширээндээ урьж баахан ярьж хөөрсний эцэст “Бид хоёр нэг уран бүтээл хийнэ ээ. Өглөө эрт амжаад сонсоорой” гэдэг юм.

Халин халин нисээд ирсэн шувуу

Харзны усанд элгээ жиндэн ганганах юм

Харын хар нүдэн чамайгаа

Харж л суух минь хэзээ юм бол оо

Нэмэн нэмэн дүүрэх шөнийн саран

Нэг л зөөлөн дээшээгээ дэгдэн мандах юм

Сайны дээд энхрий чамайгаа

Санаж л явах минь заяа юм даа…” гэх гурван бадаг шүлгийг Лхагвасүрэн ах уран бүтээлчдийн хэлдгээр “ганцхан амиар” л тууж орхисон. Би бол өнөө бүсгүйгээ бодоод идэрхэн залуу насныхаа гал дөл, уран бүтээлийн бяр амтагдаж эхэлж байсан тэр л үеийнхээ цацаа цалгиагаар аялгууг нь хийсэн.

Дууныхаа эзэнд сонсгож амжсан уу?

-Өө амжилгүй яахав. Маргааш өглөө галт тэрэг Эрдэнэт хотод жолоогоо татах үест бүсгүйчүүдээ өрөөндөө урьж дууныхаа ая данг сонсгож байлаа. Тухайн үед би уг дууг энэ олон жил ард түмний минь сэтгэл зүрхэнд зүүдэн бороо болон зүсэрч, хит болох юм чинээ бодоо­гүй байлаа. Агуу том уран бүтээл­чийн шүлэг зохиол гэдэг өөр л юм билээ. Түүнд нь, харын хар нүдэнд зүрхээ булаалгуулчихсан нөхрийн аялгуу ч сайхан зохицсон биз ээ. Ер нь миний дуунууд ийм л нандин дурсамж, гэгээн сайхан түүхийг агуулдаг. Бас л наяад оны сүүлээр хилийн заставаар зохиолчидтой хамт уран бүтээлийн тоглолтоор явж байхдаа хэд хэдэн дуу бичсэн. Түүнээс “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” гэсэн дуу маань мөн л хит болсныг уншигч олон надаар хэлүүлэлтгүй мэднэ дээ. Шагдарын Дулмаа гуайн шүлэг шүү дээ. Би өөрийгөө анзаараад байх нь ээ, бүсгүй хүнээс хамгийн түрүүнд нүдийг нь л олж хардаг байж. Тийм л жавхаатай, гэрэлтэй тунгалаг хар нүдэнд тэр чигээрээ унаад өгдөг байсан хэрэг.

-“Насны намаргэж таны нэг сайхан дуу бий дээ. Хаа нэгтээ аялахуйд хорвоогийн жамыг ухаарах шиг өөрийн эрхгүй сэтгэл хөндүүрлээд явчих нь бий шүү?

-Ах нь наад дууны чинь аялгууг сонсох бүртээ ижийгээ санаж энэ биеэрээ мэгшдэг. Наян долоон онд, хорин нэгэн настай залуу Хэнтийн Өндөрхаанд очоод байтал Увсаас цахилгаан ирлээ. “Ээж чинь өнгөрсөөн” гэх хэдэн үгийг нулимсаа барьж чадалгүй уншиж , газар дээр ижийгээ алдчихаад яахаа мэдэхгүй уйлж суухад Дүгэрийн Амгалан найрагч дэргэд байж таарсан. Би чинь тэгэхэд Цэргийн дуу, бүжгийн чуулгын уран сайхны удирдагч байлаа. Хэнтийд тоглолтоор очоод байсан хэрэг л дээ. Ингээд Амгалан гуай “Хүний л хорвоо шүү дээ. Ижий, ааваа алдах шиг хэцүү юм байхгүй ээ. Гэхдээ миний дүү сэтгэлээ барь. Жаахан хаттай бай. Хүн зовлон дээр тэсдэг амьтан, уран бүтээлч бид л сэтгэлийн хатгүй, нунж дорой байдаг” гэж ухааруулаад, ах нь чамд нэг сайхан шүлэг бичиж өгье. Миний дүү түүнд нэг аялгуу хийгээдэх. Тэгээд л ижийдээ дуун суварга босго доо гэж хэлсэн. “Сэтгэлийг минь засах гэж, бага ч болов тайвшруулах гэж л Амгалан ах аргадангуй хандаж байна” хэмээн тухайн үед бодож суулаа. Тэгтэл удаа ч үгүй “За, миний дүү үүнийг нэг уншаадах даа” гээд үзүүлдэг юм. Өнөөхийг нь уншлаа. Зүрх рүү ёгхийтэл дуу алдуулсан айхтар шүлэг байж билээ.

 “Үсний минь сор мөнгөрөх тусмаа

Үгүйлэн санах юм төрсөн нутаг аа

Уулзаж амжаагүй ээжээ бодохоор

Уугуул нутаг минь хагсраад байх юм аа

Насны намар гадаа ирэхэд

Нартын жамыг ухаарах юм даа…” гээд эхэлдэг шүү дээ. Амгалан найрагчийн “Саа мөнгөн Хэрлэн” зэрэг олон сайхан дуу байдгийг хүмүүс мэднэ дээ. Ингээд “Насны намар” дууныхаа шүлгийг авчихаад бүрэн уншчи­хаад, сэтгэл арай ч онгойчихсон байхад Ёндон генерал хотоос утасдлаа. Манай чуулгынхан намайг ижийгээ алдчихлаа гэдгийг генералд дуулгаж л дээ. Ёндон гуай, даруйхан хотод ир гэж хэлээд маргааш өглөө нь шууд онгоцоор Увс аймаг руу нисгэж байсан. Онгоцонд явах тэрхэн хугацаанд өнөө дуугаа нотлоод  ижийгээ нутаглуулахад дэрэн дор нь хийж, ээжээ хүү нь танд сэтгэлийн өргүй болсон шүү гэж амандаа хэлээд зогсч байлаа. “Насны намар” дуу ингэж л төрсөн түүхтэй.  

С.Жавхлангийн дуулдагЭэжийн чанасан цайбас л таны бүтээл. Жавхлангийн аав шүлгийг нь бичсэн байдаг?

-Саманд гуай бид хоёр эрт цагийн найзууд байлаа. Намайг хөгжмийн сургууль төгсөөд нутаг­таа очиход “Баянхуурын цаана инээмсэглэсэн залуу” гэсэн хөрөг найруулал Увс аймгийн “Малчин” сонинд бичиж байсан хүн дээ, Саманд гуай чинь.  Сүүлд хоёр мянган онд бид хоёр Хөх хотод таардаг юм. Таардаг ч юу байхав, Саманд гуайн бие жаахан чилээр­хүү Хөх хотод эмчлүүлэхээр очсон. Би тэнд амьдарч байсны хувьд, урлагт хайртай залуу нутагтаа очиход минь сайхан сэтгэлээр угтаж авсан дурсамж дурдатгалаа бодоод Саманд гуайдаа хэд хоног цайг нь зөөсөн юм аа. Нэг өдөр хөгшин хэлж байна. “Та хэд маань сайхан л цай чанаж өгөх юм. Гэхдээ ижийгийн минь цайг яаж гүйцэх билээ. Хятадын сүү, Монголын сүү хоёр өөр шүү дээ” гэв. Маргааш нь “Ээжийн чанасан цай” гэх дууны шүлэг биччихсэн намайг хүлээж байсан. “Миний хүү мундаг дуучин болно. Одоо Соёл урлагийн их сургуулийн оюутан байгаа. Чи энэ шүлэгт аялгуу хийгээд хүүд минь өгөөрэй” гэж захиж билээ. Тухайн үед Жавхлан зохиолын дууны ертөнцөд цахиур хагалан, шуугиу­лан гарч ирж байлаа шүү дээ. Ингэж л Саманд гуайн захиасыг биелүүлж “Ээжийн чанасан цай” дуунд нь аялгуу хийгээд хүүд нь өгсөн.

Тантай энэ мэт уран бүтээ­лүүдийн тань тухай нэгд нэгэнгүй ярина гэвэл мэдээж барахгүй. Харин одоо танаас нэг зүйлийг сонирхож асуу­маар байна. Дуучин С.Жавх­лан танд гавьяатын тэмдгээ өгсөн. Үүнийг хүмүүс янз бүрээр л хүлээж авсан. Таны хувьд?

-Хөх хотод 16 жил болоод ирэхэд дуунд хайртай ард түмэн минь сайхан хүлээж авсан. Төр засаг маань Хөдөлмөрийн гавьяа­ны улаан тугийн одонгоор шагнаж уран бүтээлчийн хувьд намайг үнэлсэн. Мөн олон сайхан дүү, ойр дотны хүмүүсийнхээ буянд “Хай­ранд мансуурсан аялгуу” хэмээх тоглолт хийж Бөхийн өргөөг хоёр өдөр пиг дүүргэлээ. Уг тоглолтыг зохион байгуулсан хүн С.Жавхлан. Би бол дүүдээ баярлаж байгаа. Ус нутгаасаа хол хориод жил болоод ирсэн хүнд чинь таних мэдэх хүн ховордоод хэцүү юм билээ. Гэвч Жавхаа маань гүйж байгаад  бүгдийг болгосон. Ард олон миний уран бүтээлийг зүрх сэтгэлдээ нандигнан хадгалж бүгд дуулж, амьдруулж иржээ гэдгийг тэгэхэд мэдэрсэн шүү. Харин тоглолтын үеэр Жавхлангийн сэтгэл хөдлөөд гавьяатынхаа  тэмдгийг надад зүүчихсэн л дээ. Арай л сэтгэлийн хөөрөлдөө автчихсан болов уу гэж бодож байна. Ах маань гавьяат хэмээх цолыг хүртэх хүн, үндсэндээ Монголын хөгжмийн урлагт гавьяа байгуулсан хүн гэдгийг олон түмэнд зарлаж, ямар нэгэн цочроо өгье л гэж тийм шийдэлд хүрсэн байх. Гэхдээ жаахан алдаа гаргасан. Монгол төрийн Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог гавьяатын тэмдгийг хэн дуртай нь нэгэндээ зүүж болохгүй л дээ.

Та гавьяатын тэмдгийг нь зүүсээр яваа юу?

-Жавхлан олны өмнө дуудаад шууд энгэр дээр минь зүүгээд өгчихсөн. Би үнэндээ “шок”-нд орсон л доо. Төрийн зарлигтай тэрхүү тэмдгийг авахгүй гээд өөдөөс нь шидэх эрх өчүүхэн надад яаж байх билээ. Яалт ч үгүй л энгэртээ зүүлгэсэн. Харин тайзны ар руу буугаад л “Арай ч ингэж болдоггүй байх аа” гээд  шууд авсан. Тэгээд огт зүүгээгүй. Одоо харин дүүдээ буцааж өгнө. Маш хурдан өгмөөр байна. Зарим нэг хүмүүс надаас “Гавьяат болчихлоо. Найр хийхгүй юм уу” гэж асуудаг.

Ёс горимоор нь Монголынхоо төрөөс авах заяа байвал аваад найр хийнэ. Түүнээс хэн нэгнээс авчихаад баярлаад гүйнэ гэж юу байх билээ. Жавхланд би гавьяа­тын тэмдгийг нь өгөх гэж хоёр удаа очсон.

Өө тийм үү, мань хүн тэгээд аваагүй хэрэг үү?

-Гэргий хүүхдээ дагуулаад ч очиж байсан. Аваагүй юм. Одоо нэг сайхан бэлгэ ерөөлтэй өдөр аваачиж өгнө өө. “Миний дүүд л Монголын төр өгч, гавьяаг тань үнэлсэн тэмдэг шүү дээ. Надад гавьяат өгсөн өгөөгүй ахынх нь уран бүтээлийг ард түмэн мэднэ ээ” гэж эрхэм дүүдээ сониноор дамжуулаад хэльчихье.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

З.Ядмаа: Хүний амьдрал гэдэг нүүдлийн шувуу шиг юм

-ЗОХИОЛЧДЫНХОО ГЭГЭЭН ЦАГААН НАРГИАН ДУНД ЯВЖ ИРЛЭЭ ДЭЭ-

Монголын зохиолчдын эвлэ­лийн шагналт шог зохиолч, яруу найрагч Заяатын Ядмаатай ярилц­­лаа. Тэр бүр олны өмнө ил гарч бүтээл туурвил хийгээд өөрийнхөө тухай яриад байдаг­гүй эл эрхэм Зохиолчдын бай­гуул­лагын гал тогоог дөч ша­хам жил түшихдээ Явуу, Эр­дэнэ, Гайтав, Чимидээс аваад үе үеийн бурхадтай ах дүү, багш шавийн ба­рилдлагатай явсан билээ. Тэ­рээрЗохиолчдын гэ­гээн шог“, “Зохиолчид инээлдсэн он жилүүдзэ­рэг шог хошин зохиол мөнЯн­ги­рын цэнхэр уулс“, “Их үдийн говь“, “Сэт­гэлийн гэрэлт бүс­гүйзэрэг яруу найргийн номууд­тай.

Таныг чинь Зохиолчдын хо­роонд далаад оны эхээс аваад л зүүлттэй байсныг хүмүүс хэл­дэг. Тэгэхээр хэдэн онд анх босгыг нь алхаж байв. Тэрхүү дурсам­жаа­саа хуваалцвал со­нин байх болов уу?

-Далан дөрвөн оны долдугаар сарын найманд юм аа. Би гэдэг хүн Сономын Удвал  даргын тушаа­лаар Зохиолчдын хороонд ирж байлаа шүү дээ, базарваань. Хү­мүүс намайг сүрхий том зохиолч л уригдаж ирсэн мэтээр ойлгож бай­гаа байх. Гэвч би чинь нягтлан бодогч хүн. Хорин­хоё­ругаар авто­баа­зын ахлах нягтлан сөөсгөр залууг Зохиолчдын хороо нягт­лан­гаараа авч байсан түүхтэй.

Ядмаа зохиолчийг бүхий л насаараа зохиолчдын хорооны дансыг барьсныг уншигч олон гадарланаХарин та бол данс барих нэрээр зохиолчдоо шог­лож суусан хүн дээ?  

-Би чинь Санхүүгийн техни­ку­мыг хорин настай залуу төгсөөд Өмнө­говь аймгийн захиргаанд ху­ваа­ри­лаг­д­аж байлаа. Тухайн үедээ бас л утга зохиолд зүрх сэтгэлээ өгч явсны илрэл биз дээ, өмнийн говийн Утга зохиолын нэгдлийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Тэгтэл жараад оны дун­дуур Зохиолчдын хороо­ноос зо­хион байгуулсан утга зохио­лын өдрүүд Өмнөговь аймагт зохиог­дохоор болдог юм аа. Хотоос С.Уд­вал дарга, Б.Явуухулан, С.Эр­дэнэ, Д.Пүрэвдорж, Б.Бааст, С.Даш­­дэндэв гээд олон зохиолчид очлоо. Би бол яахав, эхлэн бичигч л байсан. Гэхдээ л Пүдо (Дэн­дэ­вийн Пүрэв­дорж агсныг хэлж бай­на) багшийнхаа хараанд өрт­сөн шиг байгаа юм.  Сүүлд мэдэх нь ээ,  22 дугаар автобааз руу Пүдо багш Удвал даргын гарын үсэгтэй албан тоот хэд хэдэн удаа явуулж байж намайг зохиолч бурхдын  бөө­рөнд авчир­сан түүхтэй. Тухайн автобаазын дарга нь Баясах гэж хүн байлаа. Ц.Лоохууз нарын хэ­рэгт холбогдож байсан хүн л дээ.

Ахлах нягтлангаа тийм ч амар тавьчихаагүй байна даа?

-Үгүй яахав дээ. Намайг Өм­нө­говиос ирээд байхад тэр хүн бааз­даа авсан. Тиймээс явуулах дургүй байж л дээ. Удвал гуайн нэрээр Пүрэвдорж гуай мундагдаж байж л авсан байгаа юм. Зохиолчдын хо­роонд ирэхэд Хайдав­дан­зан­гийн Цэвээн гэж сайхан буриад хөгшин санхүүг нь хариуцаж бай­сан. Тухайн цагт Зохиолчдын хо­роо гэдэг чинь шат дүүрэн цэцэг­тэй, шал дүүрэн хивстэй, өрөө бүрээр нь зохиолчид дүүрсэн ор­дон байлаа шүү дээ. Урьд өмнө нь би тийм газар орж үзсэн биш. Наран тал руугаа харсан цацлын халбага шиг гурван давхар байшин байсан даа. Удвал гуай дарга, Түдэв гуай орлогч, Тарваа гуай “Цог” сэтгүүлийг, Эрдэнэ гуай “Утга зохиол” сонинг, Явуу яруу найр­гийн зөвлөлийг, Пүрэвдорж утга зо­хио­лын фонд, Ц.Мөнх гуай шүүмж судлал, Л.Чойжилсүрэн гуай үргэл­жил­сэн үг, Бааст гуай залуу зохиолч­дыг хариуцаж бай­хад нь би нягтлан­гаар орсон юм. Тэр том том зо­хиол­чид­той нэг дор ажиллана гэдэг бурхнаас өгсөн шагнал юм даа. Анх ороход би хамгийн залуу нь байлаа. Хог цэвэрлэж, туг хатгахаас аваад бүх зүйлд тохоон томилогдоно.  Харин наяад оны дундуур О.Даш­бал­бар, Х.Мэргэн, Н.Энхбаяр, Л.На­ран­гэ­рэл, Р.Нарантуяа, Ц.Энхбат нар ирж хойноос (Горькийн сур­гууль) ирээд би гэдэг хүн өдөр тутмын ажлаас чөлөөлөгдсөн түүхтэй.

Зохиолчдыг шоглодгоо та нэг л ярихгүй байна даа. Илт тойроод байх чинь?

-Би ганцаараа тэр бурхдыг чинь шоглоод байсан юм биш. Зарим нь нэгнээ хэргээр явуул­чи­хаад яалт ч үгүй баригдахдаа “Ядмаа л тэгж байна лээ” гээд намайгаа бариад өгчихдөг шиг байгаа юм.

-“Буурал анчны домоггэж хүн бүгдийг элэглэсэн нэг най­раг­лал бий дээ?

-Түүнийг чинь Пүрэвдорж багш, Дооров хоёр гаргасан юм. Жаран есөн онд шүү дээ. Тэр жил Зохиолч­дын хорооны 40 жилийн ой бол­сон. Өмнөговь аймгийн Утга зохио­лын нэгдлийн эрхлэгчийн хувьд би гэдэг хүн уригдлаа. Дуу­рийн театрт бая­рын хурал болсон санагдана.  Рин­чен гуай, Дамдинсүрэн гуай­гаас аваад бүх л аваргууд байсан үе. Архангайн О.Цэнд бид хоёр “Улаан­баатар” зочид буудалд нэг өрөөнд хамт байлаа. Тухайн үеэр л “Буурал анчны домог”  гарсан даа.

Бямбын Ринчен шиг буурал анчин

Жүгдэрийн Дамдин шиг их буугаа үүрээд

Бабын Ахтаан шиг бүргэд мөрөндөө суулгаж

Бөхийн Бааст шиг хав нохойгоо дагуулаад…” гээд эхэлдэг шүү дээ.

Ахмадуудын тухай дурсаач. Явуу, Эрдэнэ, Гайтавөөр хэн ч байж болно?

-Дурсвал бүгдийг нь л дурсмаар байна. Тэр аваргуудыг чинь мөн­хийн юм шиг л бодож явж дээ. Хүний амьдрал гэдэг нүүдлийн шувуу шиг юм даа. Бид чинь хавар, зуны хэдэн сар ирээд буцаж буй шувууд юм уу даа. Далан дөрвөн онд Удвал гуай эмэгтэйчүүдийн байгууллагын  ажил руу яваад өглөө. Түүний оронд Л.Түдэв гуай дарга боллоо. Нэг өдөр Түдэв даргын үүдэнд Явуу сууж байх юм. “Та энд юу хийж байгаа юм” гэхэд, дарга намайг дуудаад гэж байна. Уучихсан байгаа нь царайнаас нь илт ээ, улаа бутраад л. Гэвч сонин зажилчихсан сууна. Даргадаа үнэр­­түү­лэхгүй гэж тэр шүү дээ. Да­лаад он чинь Явуугийн жинхэнэ мандаж байсан үе биз  дээ. Энгэр­тээ төрийн шагналын тэмдэг гялал­зуу­л­чихсан дорнын их найрагч тийм л жудагтай байсан.  Дарга нараа тэгж л хүндэтгэж байсан. Одоо бол манай зохиолчид ямар болсныг мэдэхгүй юм аа.

Танаас Пүрэвдорж, Дооро­вын тухай асуулгүй өнгөрч бо­лом­гүй л байх юм?

-Дооровыг өнгөрсний дараа Х.Зандраабайдытай хамтарч “Дэл­гэр­хангай уулан дээрээс дэлхий харсан Дооров” гэсэн ном гаргаж байлаа. Миний санаачилсан ном л доо. Хоёр гурван жил хөөцөлдөж байж гаргасан юм даг. Дараа нь Пүрэвдорж гуайн тухай дур­сам­жийн ном хийсэн. “Тэнгэрлэг най­рагч” гэсэн ном. Түүнээ гар­га­чи­хаад Төр­бат, Зандраабайды бид гурав аваа­чиж өгч байв. “Та нар хэдийдээ ийм ном гаргачихав” гэж өвгөн багш минь ихэд баярлаж байсан. Ингэж л би багшийнхаа амьдад номон сувар­га босгосон хүн юм. Үхсэн хойно нь магтаад хэрэггүй, амьд дээр нь баярлуулах шиг сайхан юм үгүй гэдгийг тэгэхэд бие сэтгэлээрээ ойлгож байлаа. Дооров өрөөндөө духайчихаад л пал пал хийтэл  инээ­гээд, ганган трубээрээ тамхиа нэ­рээд, хөдөө гадааны голдуу хүмүүс тойруулаад ихэд баясалтай хөхин сууж байдаг сан. Мань хүн бусдыг явуулах, хошин яриа хөөрөө гаргах­даа цаанаа л нигууртай. Ямар сайндаа Горький төгсөж ирсэн зо­хиолч­доос өөрийнхөө зохиосон изм-ын тухай асуугаад бантанг нь хутгаж байхав дээ. “Цаана чинь “сунтагизм” гэж нэг сүрхий нэр томъёо, утга зохио­лын изм гарчээ” гээд өнөө хэдийгээ байдалд оруул­чих­на. Нэг удаа  Д.Пүрэвдорж гуай­гаас асуудгийн даваан дээр Эрдэнэ гуай “Чи бит­гий нохойтоод бай л даа” гээд болиулсан гэдэг. Сүүлд багш энэ тухай “Дооров хэрвээ надаас тэгж асуусан бол би баараггүй худлаа ярина. Үзсэн юм шиг л гөрөх бай­сан” гээд инээд алдаж байсныг санаж байна.

Зохиолчдынхоо хөгжөөнтэй явдлуудаас ярихгүй юу. Уншигч олон танаас тийм л зүйл хүсэх нь мэдээж?

-Жамсрангийн Лодой гэж үг газар гээдэггүй, егзгөр буриад хөгшин байлаа. Лодой зохиолч нэг удаа бууз хийхээр үхрийн толгой шулсан байгаа юм. Тэр нь өдөр­жин­гийн юм болж л дээ. Оройхон хэрд гэргий нь уурлаад “Лодой минь дээ чи арай л удаж байгаа юм биш үү” гэхэд, идэж байгаа юм биш боло­хоор болохгүй байна ш дээ гэж учирласан удаатай. Бас мань хүн нэг удаа Их дэлгүүрт оочерлож байж. Тэгтэл халаасанд нь гар ороод ирж. Чанга гэгч нь атгаж аваад Лодой гуай “За хүү минь чи байтугай өвгөн би өөрөө мөнгөө олохгүй байна аа. Энэ золигийн халаас нь цоорчихож ээ” гэж үнэ­нээ хэлсэн гэдэг. Одоо Пүрэвдорж багштай холбоотой түүх ярья.  Мань хүн Сэлэнгэ аймагт очиход Хас­ба­зар гэж дарга угтаж авсан байна. Тэр чинь жараад оны сүүл үе. Пүдо багш өнөө даргад “Танай нутгийн тухай нэг аятайхан шүлэг байна. Та сонс­сон уу” гээд ингэж уншсан байгаа юм.

Мохоорын үнэр ханхалсан

Модон байшинд төрсөн би

Моодон сүүлтэй гахайгаа

Морио гэж хайрладаг

Модон торхтой бараашигаа

Эхийнхээ сүү шиг санадаг

Монхор хамартай аавыгаа

Папа гэж дууддаг гэжээ. Сэ­лэн­гийнхнийг олон зүйлээр дайруулж хэлсэн хэрэг шүү. Өнөө дарга “Би огт сонсоогүй юм байна” гэснээ гэнэт  түсхийтэл инээсэн гэдэг шүү. Харин Пүрэвдорж багшийг Горькийн сур­гуульд явахад  Лам­за­вын Ванган гуай “За би чамд сайн сураарай, олон сайхан шүлэг найраглал би­чээ­рэй, утга зохио­лын олон нөхөдтэй болоорой гэж хэлэхгүй. Харин чи Москвад зам хөндлөн гарахдаа хоёр талдаа таван бүдүүн орос авгайтай л гардаг юм шүү” гэж аминчлан захисан байдаг. Пунцагийн Бадар­чаас “Болор цом” наадамд хэн хэн шүлгээ уншив гэж нэг нь асууж л дээ. Тэгэхэд нь буурал найрагч

Өвгөн Дооров халирч уншив

Өндөр Цоодол хөлөрч уншив

Бавуугийн Лхагвасүрэн шатаж уншив

Барнангийн Доржпалам шартаж  уншив

Шаравын Сүрэнжав хөл хальтарч уншив

Шагдарын Уянга хэл хальтирч уншив

Дарьгангын Дашбалбар давшилж уншив

Дэрэнгийн Чимэддорж дэвсэлж уншив

Баргын Дулмаа шил гялалзуулж уншив

Бямбажавын Энхтуяа гуя гялалзуулж уншивхэмээн
тэр дор нь хариулжээ. Энэ мэт зохиолчдын шогийг яривал барахгүй ээ.

П.Пүрэвсүрэн зохиолч угаал­гын машинд бараашиг эс­гэ­сэн гэх яриаг бас л та гаргасан санагда­на?

-Би гаргах юу байхав, болсон явдал юм чинь. Төрийн шагналт зохиолч П.Пүрэвсүрэн, “Тоншуул”-ын зураач Арнайн Гүрсэд хоёр нэг “юм” зохицуулъя гэтэл мөнгө нь дутжээ. Тэр даруй хоёул нэг арга бодож олсон байгаа юм. Байгаа мөнгөөрөө түргэн исгэгч, элсэн саахар аваад Пүрэвсүрэнгийнд очжээ. Тэдний шинэхэн аваад бай­сан угаалгын машинд буцал­сан ус хийгээд саахар, исгэгчээ хий­чи­хэж. Тэгээд цаг орчим нижиг­нүүлж байгаад гайгүйхэн шиг шуу­гиулж аваад өнөөхөө ууж суусан түүхтэй. Ийм л золигийн хүмүүс дээ, ма­най­хан чинь.    

Та бол Дундговийн Дэл­гэр­хан­гай сумынх. Олон зохиолч төрсөн нутаг даа?

-Өө тэгэлгүй яахав. Мань мэт шиг амьтад нь багтахгүй л дээ. С.Буян­нэмэх, С.Дашдооров, за тэгээд Дарамын Батбаяр гээд явна. “Ардын элч”-ийн Ариунаа буюу гавьяат Цэвэлсүрэн, “Морьтой ч болоосой”-гийн Гончиг буюу гавьяат Батсүх, мөн алиалагч Батсүх, морины Нан­сал­маа гээд манайхаас чинь хичнээн ч гавьяат төрсөн юм бэ дээ. Сүүлд нь миний бие зохиолч нөхдөө дурсах гэсэн юм. Дэмбээгийн Мягмар гэж агуу хүн байлаа. Түүний “Найрын ши­рээ­ний ууц” гэдэг ганцхан жүжгээр л Улсын драмын театр жилдээ сая төгрөг олсон гэдэг. Мөнгө хатуу цагийн сая төгрөг гээд бодохгүй юу. Тэгтэл өнөөдөр гэргий хүүхэд нь айлын царай харж, бараг гудманд шахуу амьдарч байна. Мөн Жиг­жидийн Бямбааг дурсмаар байх юм . “Үнэний хорвоо”, “Хорвоогийн өнгө” гэх номуудтай хүн. Яг энүү­хэн­дээ хэлэхэд өвгөн ахад нь уулзах зо­хиол­чид өдөр ирэх тусам л ховордоод байх юм аа. Зон-Пай-Жингийн Бат­тул­га гэж бас л сонин зохиолч байсныг манайхан мэднэ. “Хөх тэнгэр” романаас аваад ту­хайн үедээ шуугиантай дедектив зохио­лууд бичиж байсан хүн шүү дээ. Түүнийг далаад оны эхээр Түдэв дарга хороонд дуудаад но­мын санчаар ажиллуулж байсан. Бид хоёр нэг өрөөнд суудаг бай­лаа. Орос авгайтай байсан хүн. Дараа нь түүнээсээ салаад залуу­хан хүүхэн­тэй суугаад Дархан явсан. Тэгээд бараа тасарсан даа. Горький төгсч ирсэн хүн шүү дээ. НАХЯ-нд ажил­лаж байсан. Мөн Нанзадын Надмид гэж сайхан хөгшин байлаа. Түүнийг дурсах нь бүү хэл мэддэг хүн өнөө­дөр ховор болжээ. Тэрээр Зохиолч­дын хо­роонд жижүүр хийж байхдаа “Хү­лээс алдарсан нь” зохио­лоо бичсэн юм шүү дээ. Бид бурхны оронд хэдийнэ одсон бурхдыгаа хаа нэг дурсаж, зохиол бүтээлийг энд тэнд ярьж, гэргий хүүхдүүдтэй нь уулзаж ойр дотно байх хэрэгтэй. Ах нь ингэж л боддог оо.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Монголын сэтгүүлзүй Монголын нийгмийг хойш нь чангааж байна

Сүүлийн үед Монголын хэвлэл мэдээлэл Т.Аятунгаа гэх бүсгүйн талаар л шуугиж байна. Тэр эмэг­тэй гадны хүнтэй нийлсэн, салсан сар­нисан зэрэг нь тухайн хүний хувийн асуудал л баймаар. Гэвч энэ бүсгүйгээс өөр мөл­жих юмгүй мэт Монголын сэтгүүлзүй тэр чигээ­рээ шуу­ги­даг юм байна. Бас болоо­гүй ээ, бүх хэвлэл мэдээлэл Аятун­гааг буруутгаад байгаа. Харийн нутагт таньж мэдэх­гүй хүн дагаж очсон л гэнэ, хүүхдээ газар шидэж алах шахсан л гэнэ. Ийнхүү уг бүсгүйтэй холбоотой, ерөөс түүнийг буруутан гэмтэн бол­го­сон мэ­дээлэл цаг минут тутамд шинэч­лэгдэж Мон­голын ард түмэнд хүрч бай­на. Дэлхий дахинд цацагдаж байна.

Тэгэхээр эдгээр мэдээл­лүүд гаднаас маш хурдтай­гаар, зохион байгуулалттай­гаар ирж буй нь мэдрэгдээд байгаа юм. Манай сэтгүүлчид л харьд суугаа, Аятун­гаагийн хүүхдийн эцэг гэх тэр нөхөр­тэй холбогдоод иймэрхүү мэдээлэл авчихав л гэж дээ. Өөрийн эх орондоо юу болж бай­гааг мэддэггүй, мэдэрдэг­гүй, чихээ бөглүүлсэн мэт таг дуугүй байдаг нөхдүүд чинь урьд өмнө нэрийг нь ч огт дуулаагүй оронд монгол бүс­гүйн талаар юу болж байгааг тэр дор нь л мэдэв гэж дээ. Ёстой лөөлөө болно биз дээ. Тиймийн учир Монголын хэв­лэлээр ингэж шуурхай тарж, монголчуудыг мон­голынх нь эсрэг шуугиулж байгаа мэ­дээл­лийн цаана их юм байна аа.

Манай сэтгүүлчид хэн нэг­ний гар хөл болж байгаа нь илт шүү. Тэгэхдээ нэртэй төр­тэй, эрх мэдэл­тэй улстөрч­дөөр дамжиж энэ бай­дал явагдаад байх шиг. Яалт ч үгүй л хэн нэгэн дарга даам­лын бүр нөлөө бүхий албан тушаалтан эрх мэдэлтний далд явуулга байгаа нь тодор­хой. Үүнийг хэвлэл мэдээл­лийн байгууллагад ажиллаж буйн хувьд миний бие гадар­лаад байна  л даа. Монголын томоохон улстөрч, нөлөөтэй этгээдүүдтэй холбоотой байж л гадны зүгээр нэг жирийн иргэний зориудаар өгч буй мэдээ­лэл ингэж туурга тус­гаар улс орны сэтгүүлзүйн салбарыг бүрхэж бай­на шүү дээ. Огт саадгүйгээр аль ч хэвлэл болох телевиз, радио, зу­рагт, сайт, цахим ертөн­цөөр чөлөө­тэй нэвтэрч бай­гаа байхгүй юу. Энэ бол Мон­голын сэтгүүлзүйд арай ахад­сан үйл явдал болж байна аа.

Үүнээс үүдээд урам хуга­рах зүйл их гарах юм. Аятун­гаа гэх тэр бүсгүйг бид сайн сайхан, өөгүй цэвэрхэн хүн гэж огт өмөөрөөгүй. Монгол хүнийхээ хувьд тэр монгол­чууд­даа л хандсан. Монгол Улсын өдөр тутмын хамгийн лидер хэвлэл болох “Өдрийн сонин”-ы редакцид хандсан. Түүнийх нь хариуд бид, мон­гол­чуудаа өмөөрөх ёстой шүү гэх монгол хүн бүхний халуун цусанд нь булгилж байдаг тийм л сэтгэлээр хү­лээж авсан. Тийм ч учраас “Өдрийн сонин”-ыг “Хүний эрхийг хөхиүлэн дэмжигч анхдагч сонин”-оор дээдлэн шалгаруулсан. 

“Монгол
Улсын ямар ч иргэн бай­сан бид өмөөрөх ёстой. Энэ дэл­хий дээр монгол үндэстэн бид л биенээ өмөөрөхгүй юм бол мон­гол­чуудыг өмөөрөх Мон­голоос өөр нохой ч олдохгүй” гэж манай П.Хаш­­­чулуун нийт­лэлч өмнө нь бичсэн дээ. Үүнтэй би ч ялгаагүй санал нэг байна. Монголчууд маань Мон­голын­хоо иргэнийг өмөөрч, Интер­полоор сур­валж­лагдаад орох гарах байх газраа олж ядаж байгаа бүс­гүйгээ нэгэн үзүүрт сэтгэлээр түшээд авах бай­тал хэвлэл мэ­дээл­лийнхнээсээ өгсүү­лээд гадны гар хөл болж амийг нь чангааж буйд үнэн­дээ гомдож байна шүү. Энэ яахав, миний, бид бүхний жижиг­хээн гомдол. Харин үүний цаана том гомдол нууг­даад байна. Нууг­дах ч юу байхав дээ. Цээжин дот­роос минь яргаад байна. Хэдэн халтар төгрөгтэй л бол гадны хэнбугай ч байсан Монголын хэв­лэл мэдээ­лэлд монголчуу­даар нь дамжуулж, эрх мэдэл­тэй албан тушаалтай нөх­дийг нь гар хөл болгож шууд нөлөөлж байна. Юу дуртай­гаа бичиж, ямар ч цензургүй дураараа дургидаг болжээ. Ингэж болохгүй ээ. Уг нь сэтгүүлч, бичгийн хүмүүс, хэвлэл мэдээллийн бид чинь нийг­мийнхээ түүчээ нь байж соён гэгээ­рэл рүү хөтөлж, юу унших, юу бодохыг нь заах учиртай бус уу. Бид чинь бич­гийн хүмүүс шүү дээ,  билгүүн авьяастай оюуны эрэлчид, нэг үгээр хэлбэл сэтгэгчид биз дээ. Нээрээ хэдэн халтар төгрөгтэй л бол хэн дуртай нь манай нийгэмд яаж ч нөлөөлж болох нь. Ингэхэд далдуур явагдаад байгаа тэрхүү мөнгө хэвлэлийн байгууллагын эздэд, редакцид очиж байна уу гэвэл эргэлзээтэй. Ухаан­даа, Аятун­гаагийн хэрэгтэй холбог­дуулж дарга даамлуудаар дамжиж ирсэн мөнгөний гуравны нэг хувийг нь л тухайн редакцид  өгч, бусдыг нь хувь сэтгүүлчдийн халаас руу чихэж байгаа. Амьд­ралаас энэ байдал то­дор­хой л мэдрэгдэж ирсэн учир баттай хэлж байгаа хэрэг.

Шуудхан хэлэхэд, Мон­голын сэтгүүлзүй мөнгөний үнэр авах л юм юм үзэл бо­дол, итгэл үнэмшил гэх зүйлээ уландаа гишгэдэг бол­жээ. Тиймийн учир сурвалжлагч нар өөрөө өөрийгөө хүндэт­гэ­дэг­гүй, үзэл бодолдоо тууш­­тай биш. Аливаа зүйлийн үнэн мөнийг нь олно, наад цаадах учир начрыг нь тунгаана гэсэн ойлголт байх­гүй. Өөрийн гэх ухаан бо­дол­гүй, гэгээн хүсэл мөрөөдөлгүй ерөөсөө л мөнгө боддог, хэн нэгэн албан тушаалтнаас ямар нэгэн аргаар таван хал­тар төгрөг салгахыг чин­хүү хүсэл эрмэлзлэлээ болгосон сурвалжлагч охид бүсгүйчүү­дээ харахаар дэндүү өрөв­дөлтэй юм аа. Ийм хүмүүст чинь эх оронч үзэл, үндсэрхэг үзлийн тухай яриад хэлээд нэмэргүй биз дээ. Ийм бодол эртнээс л төрж байлаа. Гэх­дээ саяхан манай сонины “Асуух эрхийн танхим”-д бол­сон Аятун­гаа­гийн хэвлэлийн хурлын үйл явц тухайн бод­лыг  бүр чиг батлаад нотлоод өглөө, хөөрхий. Өнөө бүсгүй рүү чинь манай сурвалжлагч хүүхнүүд өлөн барс шиг дайрчих­даг юм аа. Бүгд л зэрэгцэж асуугаад дор бүрнээ орилолдоод хэн юу асууж, хэн юу хариулж байгаа нь ойлгог­дохын аргагүй. Ядах нь ээ, дэргэдээ байгаа нэгнээ хүн­дэт­гээд ээлж дараатайгаар асууж болно оо доо. Тэднийг тийнхүү орилолдож буйг ха­ра­хад хөдөө айлын гадаа хонины гэдэс арилгахаар ирсэн авгайчууд тэгж хэрэл­дэж, хэл амаа уралцдаг нь санагдаад явчихаж байгаа юм. Сурвалжлагч хүүхнүүд минь мэргэжил нэгт нөхдөө  л хүндэтгэхгүй байгаа юм чинь өөр хэнийг ч хүндэтгэх вэ дээ. 

Дээр нь нэг зүйлийг нэ­мээд хэлэхэд, сэтгүүлч бидэнд чинь бусдыг загнаж зандрах эрх байх­гүй. Үүнийг яагаад өдий болтол ойлгоогүй явж ирсэн хэрэг вэ. Байгаа байд­лыг, болсон явдлыг ямар ч нэмэр хачиргүйгээр олонд мэдээлэх л үүрэгтэй шүү дээ. Түүнээс хэн нэгнийг загнах, нэгнээс нь мөнгө авчихаад нөгөөг нь муулах мэдээллийг үнэнээс гуйвуулах, өөрсдөө дүгнэлт хийх эрх ямар ч сур­валжлагчид байхгүй. Гэтэл манай сэтгүүлч сурвалжлагч­дад наад захын ийм ёс зүй алга. Болох болохгүйг нь мэргэжлийн хувьд хэлж заа­гаад, чиглүүлээд өгөх хэв­лэлийн редакци гэж алга. Ийм л болсон байна.

Ядарсан бүсгүйн өмнөөс өлөн барс шиг дайрч бай­гаа сэтгүүл­чид маань Их хур­лын дарга, Ерөн­хий сайд, Ерөнхийлөгчийн өмнө ийм байдаг билүү. Загнаж занд­рах боломжгүй юм аа гэхэд төрийн өндөрлөгүүд дарга сайд нарын өмнөөс эгц харж байгаад зоригтой­гоор жинтэйхэн хэдэн асуулт тавь­чих сэтгүүлч манайд хэд билээ. Бүгд л ярьсан зүйлийг нь дув дуугүйгээр, ёстой л амаа үдүүлчих­сэн мэт тэмдэг­лэж аваад гардаг шүү дээ. Аятунгаа­гийн өмнө ингэж арслан барс шиг догш­рох бус Алтанхуяг сайдын өмнө зоригтой байж бүгд дор бүрнээ асуулт та­виад шаа­гил­даж баймаар байна. Тэ­гээд Ерөнхий сайдаас “Ард түм­ний чинь амьдрал хэцүү байна, Оюу толгой, Таван толгой чинь яах гээд байна аа. Өнөө бондын чинь асуудал юу болоод байна” гэж ам уралцан асуух хэрэгтэй. Гэвч ядар­сан эмэгтэйн өмнө шаагилдаж байсан сур­валж­лагчид төрийн түшмэдийн өмнө тэгж аашилж аяглаж чаддаггүй л шүү дээ.   

Социализмын үед дарга сур­валж­лагч гэж “Тоншуул”, “Үнэн сонин”-ны аймгууд ха­риуц­сан тусгай хүмүүс байсныг бид мэднэ. Тэд шинэ “жаран ес” хүлэглэн аймаг сумдын ажлыг шалгаад, болох­гүй бүтэхгүйг нь сониндоо бичээд зогсохгүй, бүр даварч заг­наж занд­раад явдаг байсан. Тэр аймгийнхан ч дарга сурвалжлаг­чаас айж жийр­хэц­гээдэг байж. Түүн лугаа адил өнөөгийн манай сур­валжлагч бүс­гүйчүүд бүгд “дарга сур­валж­лагч” болжээ. Соц ний­гэмд мэдээж өнөө­гийн охид хүүхнүүд байгаагүй л дээ. Гэхдээ ардчилсан нийгмийн хүмүүс гэхэд сэтгэлгээ нь арай дэндүү соц болж шүү. Бүр соц нийгмийнхнээ­сээ долоон дор бол­жээ. Зохиолч сэтгүүлчид шилжил­тийн гэх тодот­голтой энэ нийгмээ түүчээлэх байтал бүсгүйчүүд маань хойш нь уллан чангаах юм даа. Үнд­сэндээ Монголын сэтгүүл­зүй зах зээлийн ардчилсан нийг­мийг соц нийгэм рүү уллан чангааж байна. Бид манлайд нь явах ёстой. Зах зээлийн нийгмээ, хувийн хөрөн­гийг магтан дуулах хэрэгтэй. Бид бүх­нийг байгуулахаар зорьж яваа ардчилсан нийгэм хувийн хөрөнгө дээр л байгуу­лагдана. Хувь хүн эрх чөлөө­тэй байж ард­чилсан нийгэм хөгжинө. Хувь хүн энэ олон сонин, телевизтэй байс­наар эрх чөлөөтэй болдоггүй. Ерөө­сөө л хувийн хө­рөн­гөтэй байж л эрх чөлөөтэй болдог билээ. Үүний тулд л хэвлэ­лийн редакциуд ажил­ламаар бай­гаа юм. Тэд эзэнтэй бол­моор бай­на. Эзэнгүй болсны баталгаа Аятун­­гаагийн гэх хэргээс үүдсэн нөхцөл бай­дал шүү дээ. Өнөөдөр ма­найд хуульчдаасаа аваад бүгд л хэвлэл мэдээллийн эзнийг салга­на гэж ярих юм. Энэ бол маш том эндүүрэл шүү.

Монголын уул уурхай, эдийн засгийн салбарт ямар тоглолт болоод өнгөрснийг бид үнэндээ мэдэхгүй байна. Оюу толгойг нийг­мээрээ л үзэн ядаж байгаа. Яг үнэндээ Аятунгаагийнх шиг зүйл бо­лоод өнгөрснийг үгүйсгэх аргагүй шүү дээ. Төмөр зам, нарийн бүдүүн цариг гээд л яриад байна. Аль орны хэн гэдэг мөнгөтэй нөхрийн гар хөл тэнд хутгалдсаныг бас л мэдэх аргагүй. Ийм ийм на­рийн, цаанаа асар их бо­дууш­тай, улс орны эдийн засаг, аюулгүй байдал, тус­гаар тогтнолтой холбоотой зүйлийг Аятунгаагийн гэх хэрэг бидэнд мэдрүүллээ. Монголын сэтгүүлзүй ямар ч дархлаагүй, ерөөсөө л мөнгө­тэй нэгний хэдэн халтар төг­рөгийн халхавчин дор явж буй ичгэвэртэй, эмгэнэлтэй дүр зургийг тодхонооор ха­руул­лаа даа.

Н.ГАНТУЛГА