Categories
редакцийн-нийтлэл

Увсын бөхчүүд өнөө жил ийм тактикаар барилдана

Сүүлийн гурван жилийн наадмын түрүүг дараалж хүртсэн Увс нут­гийн
бөхчүү­дийн тактик гэж нарийн зүйл байна аа даа, янз нь. Хэнийг хэрхэн яаж барилдуулах
вэ гэх төлөвлөгөө сценарыг одоо­доо гардан боловс­руулж буй хүн нь Балжаа аварга
юмдаг уу даа. Мэ­дээж Баянаа аварга зөв­лөж таарна. Залуу аварга С.Мөнхбат, Б.Ганбат
арс­лан нар төлөвлөгөө бо­ловс­руулахад санаа оноо­гоо нэмэрлэдэг нь ойлгомжтой.
Тэгээд л Увсын “хар дэвтэр”-ийн хамаг нууц Балжаа авар­гад хадгалагддаг байх нь.
Ийм л нарийн нягт, хий зайгүй төлөвлөгөө ёсоор тэд сүү­лийн гурван жи­лийн наадмын
түрүүг хүрт­чихээд байгаа. Гэвч “хар дэвтэр”-ийн нууцыг одоогоор хэн чиг тайлаа­гүй.
Аймгууд дор бүрнээ л наад­мын бэлтгэлд гарч ахмад цолтнуудаараа галаа ах­луулж,
амихан­даа сценар боловсруу­лаад наадмын урьд орой эцсийн байдлаар тохир­дог болов
уу. Гэвч Увсынх­ны төлөвлөгөөг аль ч нутгийн бөхчүүд барж дий­лэхгүй л байгаа юм
даа.

Өнгөрсөн жил гэхэд л Пүрэвийн Бүрэнтөгс
гэж улсын цолгүй залуу төрийн наадамд төвөггүйхэн ес давж байх жишээний. Мэдээж
ир бяр, арга мэх, авхаалж самбаа­гаараа учраа бөхчүүдээ унагасан байх л даа. Гэвч
түүнийг өнөө цагийн бөхийн магнай болсон идэрхэн аварга, арслан, гарьдууд тогтоож
чадахгүй байсны цаана нэг “юм” нуугдаж л байгаа. Бодо­ход, Балжаа багш нь дөрвийн
давааны нугалаанд чи тэрэнтэй таарна. Тавын даваанд яах вэ болох байх. Зургаагийн
даваанаас л чиний барилдаан эхэлнэ дээ гээд хэд хэдэн хүний нэр өгөөд бэл­дүүлчихсэн
байх. Тэр жишгээр аваад үзвэл долоо, найм, есийн даваанд хэн хэнтэй таарах нь бүр
чиг ойлгомжтой болоод ирнэ. Ин­гээд өндөр даваануудад барилдах бөхөө урьдчилан мэднэ
гэдэг ба­рилдааныхаа тавин хувийг ханга­чихлаа гэсэн үг шүү дээ. Мөн тухайн бөхчүүдэд
тааруулсан мэх, барил­дааны арга барил тактикаас гадна сэтгэл зүйгээр нь бэлдэнэ
гэж том зүйл бий. Ухаандаа, долоогийн даваанд чамайг Баяржавхлан гарьд амлана гээд
Балжаа аварга хэдийнэ хэлчихдэг. Бүрэнтөгс тэр дагуу нь бэлдээд байдаг. Наад­маар
яалт ч үгүй долоогийн даваанд Баяржавхлан амлаж байх жишээний. Ийм л нэг хийгүй
нягт бодлого Увсын бөхчүүдийн дунд яваад байгаа юм. Үүнийг наадмын дараа биш наадмын
өмнө задалж ярих нь чухал болоод байна. Ар­хангайн болоод “Алдар” спорт хорооны
бөхчүүдээ ахалж наад­мын бэлтгэлд гарсан Өсөхөө авар­га, Өвөрхангайн болоод “Хилчин”
спорт хорооны бөхчүүдээ ахалж Бугын сангийн аж ахуйгаа бараад­сан Д.Цэрэнтогтох
аварга, Б.Ган­баатар арслан нар, Говь-Алтайн “Хантайшир” дэвжээний бөхчүүдээ ахалж
буй Д.Бадрах начин, Хов­дын бөхчүүд болоод “Хүч” спорт хороогоо ахалж Сүүж уулынхаа
өвөрт бэлтгэлээ базааж байгаа Ц.Мягмарсүрэн заан, Завхан нут­гийн бөхчүүд болоод
Тагнуулын ерөнхий газрын “Эрч” спорт хороог тэргүүлж буй М.Баяржавхлан гарьд, Сэлэнгэ
нутгийн бөхчүүд болоод “Сүлд” спорт хороогоо ахалж Төр хурахын аманд байгаа Г.Эрхэмбаяр
арслан, Булган хан­гайн бөхчүүдээ түүчээлж яваа И.Доржсамбуу гарьд та бүхэн ойрын
хугацаанд уулзаж Увсын бөхчүүдийн тактикийн талаар ярилц­маар байна аа. Юуны учир
Увсын гэж тодотгоод буйг та бүхэн ойлгож байгаа биз ээ. Гол учир нь төрийн наадмын
гурван түрүүг дараалж хүртэн, олны анхаарлын төвд байгаа учир онцлоод байгаа хэрэг
шүү дээ. Өнөө цагийн бөхийн үүр уурхай тэнд чинь байгаа юм биш үү. Бөхийн барилдаан
гэдэг үнэн чанартаа шинжлэх ухааны үндэслэлтэй, нарийн бодож бо­ловс­руулахгүй бол,
хүн хүн дээр нь авч үзэхгүй бол, даваа бүрээр нь ярихгүй бол болохгүй гэдгийг Ув­сынхан
харуулаад байгаа бус уу.

Ингээд монгол төрийн наадмын сүүлийн
гурван жилийн бөхийн барилдааныг авч үзье л дээ. 2010 он. Ардын хувьсгалын 89 жилийн
ой.  Залуу зургаан зааны төлөөлөл, ард түмний
хайртай бөхчүүдийн нэг Батжаргалын Ганбатын түрүүл­сэн наадам. Тэрээр Увс аймгийн
Баруунтуруун сумын бөх гэдгийг манайхан сайн мэднэ. Ганбатын хувьд тухайн жилийн
наадамд Балжаа багшийнхаа хэлсний дагуу амаа авч барилдсан болов уу. Мань хүнд
2008 оны наадамд түрүүлэх боломж байсан. Гэвч их шөвгийн дөрөвт Говь-Алтайн Ганбаатарыг
амлаад унаж байсан. Үндсэндээ буруу ам авсан. Тэрхүү сургамж Ганбатаас гадна Балжаа
багшийнх нь цээжинд ч хадаатай үлдсэн нь ойлгомжтой. Буруу ам авах гэдэг тийм л
хорлонтойг хэн хэн нь бие сэтгэлээрээ мэдэрсэн нь дам­жиг­гүй. Ганбат түрүүлдэг
жилийнхээ наадмын тавын даваанд Даваа­нямын Лхагвадорж начинг амла­сан юм. Чац ойролцоо,
барилдаан таарна гэж авсан нь мэдээж. Түү­нээс Лхагвадоржийг барагтай бөх амлахгүй
байсан үе шүү дээ. Тэ­рээр өмнөх даваанд Санжаа­дамбыг орхиж шуугиан дэгдээснийг
наадамчин олон мартаагүй байгаа. Зургаагийн даваанд мөн л чац өндөртэй Сэлэнгийн
Чотонгийн Баянмөнх начинг амлаж хаясан юм. Харин долоод Ганбат жудаг зааж нутгийн
дүү Мөнхбатаасаа ам асууж байсан гэдэг. “Чи Рагчаа, Өсөхбаяр хоёрын хэнтэй нь ба­рилдах
вэ” гэж. Залуу аварга Мөнхбат тэгэхэд улсын харцага цолтой байлаа. Нутгийн ах нь
тэгж асуухад, би Рагчаа заантай барил­дъя гэжээ. Ингээд Ганбат залуу заан Мөнхсайханы
Өсөхбаярыг амлан хүч бяраар илүүрхэн давж байсан. Найм, есийн даваанд Х.Мөнхбаатар
арслан, Г.Өсөхбаяр аварга нарыг орхиж төрийн наад­мын түрүү болж байсан. Эл бүгд
Балжаа багшийнх нь төлөвлөгөө байлаа. Түүний захиас даалгавар ёсоор Ганбат төрийн
наадмын түрүү бөхөөр тодорч байсан. 

2011 он. Ардын хувьсгалын түүхт ерэн
жилийн ой. Ардын төрийн тавь, жаран жилийн түүхт ойн наадмын түрүүг Увс аймгийн
Хяргас сумын харьяат Монгол Улсын дархан аварга, хорьдугаар зууны шилдэг бөх Хорлоогийн
Баянмөнх хүртэж байсан бол да­лан жилийн ойг мөн л Увс аймгийн Наранбулаг сумын
бөх Монгол Улсын аварга Одвоогийн Балжин­ням хүртэж байсан түүхтэй. Тэгэ­хээр ерэн
жилийн ойг Увсынхан авна гэж үзсэн нь аргагүй. Үнэхээр ч нарийн төлөвлөгөө боловсруу­лан
орж түүндээ хүрсэн дээ. Сүхбаатарын Мөнхбат гэж залуу улсын харцага цолноос монгол
бөхийн оргил цол болох аварга цолонд шууд хүрч байлаа.

Ерэн жилийн ойгоор Баянаа аварга,
Балжаа аварга хоёр хоёу­лаа зодоглосон. Баянаа аварга дал орчим насандаа ерэн жилийн
ойн наадмын 1024 бөхийг тэр­гүүлж, зүүний магнайд босч бай­лаа. Баянаа аваргад барилдах
хэд хэдэн шалтгаан байжээ. Нэгд, ерэн жилийн ойгоор гаръя, цолоо дуу­дуулж хийморь
лүндаагаа сэргээе гэж бодсон байх. Хоёрт гэвэл, Дундговь нутгийн залуу одоогийн
төрийн түшээ “Мон-Уран”-ы Б.На­ранхүү аваргад нутгийнхаа бөх­чүүдийг захиж ганган
хар жийп бэлэглэж байсан. Түүнийх нь хариу болгож Баянаа аварга далан насан­даа
зодоглон хоёр давж улмаар гурвын даваанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харь­яат
“Хур харцага” дэвжээний бөх аймгийн арслан А.Алтанхуягт тахи­маа өгч байсан удаатай.
Балжаа аварга болохоор төвөггүйхэн дөрөв даваад “Увс нуур” дэвжээний бөх С.Батсуурийгаа
начин болго­чихоод “ажлаа” эхэлсэн дээ. Мөнх­бат, Ганбат хоёртойгоо зууралдаж эхэлсэн
гэсэн үг. Мөнхбатыг түрүүлүүлэх л хатуу зорилготой байгаа. Наадмын өмнөх өдөр нь
билүү Баянаа аварга дээр Бумбаяр заан тэр хэд өнөө Мөнхбатыг чинь дагуулж очоод
шинжүүлсэн гэдэг. Төрийн наадамд арав түрүүлсэн аварга нэг юм хэлсэн нь тодорхой.
Тэр үг, өгүүлбэр л Мөнхбатыг арав давахад нөлөөлсөн гэцгээдэг юм билээ.  Мөнхбат Рагчаагаар долоо, Санжаадамбаар тунаж
найм, Говь-Алтайн Бат-Эрдэнээр тунаж ес, Сэлэнгийн Эрхэмбаяраар арав давж түрүүлэн
1024 бөхийг ман­лайлсан. Балжаа аваргын “хар дэвтэр”-ийн нууц тэгж Баруунту­рууны
бас нэг хөвгүүнийг төрийн наадмын манлай болгож, улсын аварга цолонд хүргэсэн. Өнгөрөгч
жил түрүүлдэг Бүрэнтөгсийг дээр өгүүлсэн билээ. Харин өнөө жил Увсынхан ямар тактик
барьж буй нь сонин байна. Сонсох нь ээ, Бүрэнтөгс арслан  дахин түрүүлэх бодолтой, аварга цол нүдэнд нь
үзэгдэж, чихэнд нь сонсогдооод зовлонтой байгаа юм уу даа. Наад­мын бэлтгэл дээр
хэнтэй ч дууга­рахгүй, бараг л таньж мэдэхгүй хүний өөдөөс эгцхэн ч харахгүй нүүрээ
нууж байгаа гэсэн. Дотроо нэгийг бодсоны илрэл л дээ. Бал­жаа багш нь мэдээж хатуухан
үг хэлсэн байж таараа. “Өнөө жилийн чиний өрсөлдөгч гол Өсөхбаяр, Санжаадамба хоёр
шүү” л гэж хэлсэн байх. За тэгээд Мөнхбат аварга, Эрхэмбаяр арслан хоёрыг хааш нь
хийх билээ. Балжаа баг­шийнх нь нэр цохож хэлсэн Өсөх­баяр (улсын заан Мөнхсайханы
Өсөхбаяр) “Өнөө жилийн наадамд би босоо түрүүлнэ” гээд “Өдрийн сонин”-оор бүх Монгол
даяар зарлачихсан байдаг.

Аварга цол бодож хөмхийгөө зууж суугаа
Бүрэнтөгсөд хамгийн их лай болох хүн нь Өсөхбаяр заан. Өнгөрөгч жилийн наадмын тавын
даваанд энэ хоёр таарсан. Таарах юу байхав, аймгийн цолтой Бүрэнтөгсийг начны даваанд
Өсөхбаяр заан амлаж барилдаад тахимаа өгсөн. Үндсэндээ түүнийг ес давж түрүүлэхийн
үүд хаалгыг нь Өсөхөө нээгээд өгчихсөн хэрэг. Энэ жил бол “битгий горьд” гээд л
сууж байгаа байх. Нэмээд хэлэхэд, Өсөхбаяр заан аварга цол горилж, өдрийн бодол
шөнийн зүүд нь болж яваа Эрхэмбаяр арслан тэргүүтнүүдэд хамгийн их хал­гаатай даа.
Тэд Бүрэгхангайн бү­дүүн гуяттай үзэх гэж бэлтгэлээ базааж буй нь нууцхан үнэн.
Бүрэнтөгсийн хувьд ийм байна. Мөнхбат аваргын хувьд дээшээ барилдана л гэж үзнэ.
Балжаа багш нь хар дэвтэртээ ямархан тактик боловсруулж байгааг тааш­гүй. Улсын
аварга цолонд хүрс­нийхээ дараа жил гурав даваад унасан залуу аварга Мөнхбатыг өнөө
жил лав өршөөхгүй болов уу. Аваргынхаа хэмжээнд барилдаа­рай л гэж хатуухан хэлж
байгаа. Мөнхбат аварга өнгөрсөн жил гурав даваад Бүрэнтөгсдөө тахи­маа өгсөн шүү
дээ. Энэ жил түүнд мөн л дөрвийн даваа “там”-тай санагдана даа. Аягүй л бол нэг
дэвжээний бөх цэргийн арслан Бадрахын Ганзориг юм уу, аймгийн арслан Төрөөгийн Баасанхүү
нар­тай оноолт таарч олныг шуугиулж магадгүй. Хэрвээ Баасанхүүтэй таарах юм бол
байдал эвгүйтнэ.

Өнөө Баасанхүү нь загнаад үг ч авахгүй.
Хоёр хөлд нь барьцгүй гүйх юм уу, ганцхан солгой тонгор­чихоод яваад өгч магадгүй
л хүн. Тэрээр “Нутгаа дуурсгана” нэртэй шилдэг хүчтэнүүдийн тулаанд хамгийн олон
давсан бөхөөр шал­гарч байсан. Бие жижиг жин бага­тай хэдий ч том цолтой, чац өндөртэй
бөхчүүдийг гозойтол тонгорч Бөхийн өргөөнд цугласан олныг баярлуулдаг аавын хүү
юм. Ер нь Увс нутгаас дараагийн өндөр цолонд хүрч мэдэх бөхчүүдийн нэг гэхэд хилсдэхгүй
байх. Мөнхбат, Бүрэнтөгсийн аль алинд нь дөр­вийн давааны нугалаа л хэцүү. Батсуурьтайгаа
таарахыг бас үгүйсгэхгүй. Намсрайжав харцагын хүү Батсуурийг хамгийн хатуу учраануудын
нэг гэхэд гайхах хүн гарахгүй. Түрүү жил Ганбат арс­лантайгаа яг тулчихаад яс үзсэн.
Ганбатыг зовоож, тамлаж байж тахимаа өгсөн. Тэгээд л Ганбат заан дараагийн даваанд  Санчирт ямар ч мэх хийж чадалгүй унаж байхав дээ.
Асашёорюү Дагвадорж аваргыг хоёр жилийн өмнө байна уу даа, улсын наадамд зодоглох
нь гээд л шуугисан даа. Үнэндээ ч барилдах санаа байсан юм билээ. Бөхийн бэлтгэл
дээр аймгийн арслан Батсуурьтай Аса­шёорюүг хэн нь ч юм бэ дээ гурав барилдуулж
л дээ. Тэгтэл өнөө Батсуурь чинь Дагваа аваргыг хоёр сунгачихсан байгаа юм. Тэгээд
Дагваа аваргын барилдах өнгөр­сөн дуулддаг.

Батсуурь бол тийм л эвгүй бөхчүүдийн
нэг юм. Улсын цолонд сүүлийн хэдэн жил зүтгээд дөрвийн даваанд унаад байгаа. Энэ
жил наадмын түрүү бодож буй нутгийн аварга, арслан хоёроо дөрвийн давааны нугалаан
дээр таарч хусчихаад Балжаа аваргынхаа төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахыг үгүйсгэхгүй
дээ. Нутгийнх нь үймээн дэгдээгчдээс гадна Өвөрхангайн хоёр байна. Тодруулбал, аймгийн
арслан Ц.Чимэддорж, Б.Батдорж нар. Бугын сангийн аж ахуйд Цэрэнтогтох аварга, Ганбаатар
арслан нарын удирдлага дор бэлтгэлээ базааж байгаа хоёр л доо. Тэр хоёртой Увсын
залуу аварга, арслан хоёр дөрөв дээр таарах магадлал тун өндөр. Тэгвэл наадам ч
гоё болно. Мөн л “хар дэвтэр”-ийн нарийн төлөвлөгөөнд өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй.
Өнгө­рөгч өвөл он солигдохын зааг дээр болсон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын
100 жилийн ойн шилдэг 128 бөхийн барилдаанд “АСА” группын бөх Ц.Чимэддорж Мөнх­бат
аварга, Бүрэнтөгс арслан нарыг дараалуулаад хаяж байсан удаатай. Гэвч нэг л од нь
гийж, өнгөрсөн жилийнх шигээ дайрах аваас Бүрэнтөгсийг торгоох хүн ховор доо. Багшийнх
нь хэлснээр Өсөхөө, Санжаа хоёр л байгаа. Аймгийн цолтнуудад бас хамаагүй итгэж
болдоггүй. Бөхийн өргөөнд шуугиулаад л байдаг, яг наадмаар болохоор биеэ барьдаг
ч юм уу, санаанд хүрдэггүй тал бас бий шүү.

Увс аймгийн “Увс нуур” дэв­жээнийхний
энэ жил нэлээн итгэл найдвар төрүүлээд буй бөх нь улсын харцага Өлзийтогтохын Бат-Орших
юм. Түүнийг түрүүлүүлнэ гэж төлөвлөж байж ч магадгүй. Тийм яриа хөөрөө ч дуулдаад
байгаа. Хэрвээ тийм бол  Балжаа багш нь хар
дэвтэртээ Бат-Орши­хын нэрийг тодоос тод зоож өгөөд түүнтэй тулж харьцаж байгаа
нь лавтай. “Чамд тавын даваа л хэцүү. Санжаадамба, Содномдорж, Өсөх­баяр гурвын
нэгтэй л тунана. Магадгүй хэн нэг нь амлаж ч болох” гээд л өглөө оройгүй донгодож
байгаа. Бэлтгэлийг нь урьд урьд жилүүдийнхээс илүүтэй хийлгэж мориор бол цөмлөхийн
наагуур л болгоод, элдүүр нь ханасан сур шиг намируулаад өгнө дөө. Балжаа аваргын
бөхчүүдээ бэлдэх арга барил их өөр дуулдаад байдаг. Бэлтгэлийг үнэндээ шантармаар
хийлгэдэг гэсэн. Зарим нэг улсын цолтой бөхчүүд нь бэлтгэлээсээ шантарч зугтаах
ч үе гардаг гэж дуулдаад байдаг. Балжаа бол ерээд онд улсын шигшээ багийн дасгалжуулагч
байсан хүн. Тий­мээс бэлтгэлийг яг горимоор нь хийлгэж байгаа л даа. Сүүлд жүдо­гийн
шигшээ багийн ахлах дасгал­жуулагчаар ажиллаж Лондонгийн олимпоос Н.Түвшинбаярыгаа
мөн­гө, С.Ням-Очирыг хүрэл медальтай эх оронд нь авчирч байсан ийм л гавьяатан билээ.
Олимпийн ме­дальтнуудыг төрүүлсэн түүнд төрийн наадамд аварга, арслан төрүүлэх эрэмбэ
байлгүй хаачихав дээ. Бат-Орших харцагын хувьд сүүлийн жилүүдэд барилдаан нь эрс
сайжирч байгаа. Заал тан­химын барилдаануудад тогтмол дээгүүр барилдаж байгаа. Түүнийг
2009 онд улсын цолонд Б.Гантог­тох гарьд хүргэж байсан. Тэр жилээ шууд зургаа давж
харцага болж байв. Өнгөрсөн жилийн наадамд Хөвсгөлийн Ц.Содномдорж харца­гаар тунаж
тав, Завханы Б.Гон­чигдамба начингаар зургаа даван харцага цолоо баталж заан цолны
төлөө Д.Рагчаа гарьдтай хүч үзэн өвдөг шороодсон юм. Тэгэхээр Балжаа аварга өнөө
жил Мөнхбат, Бүрэнтөгс нараас гадна Бат-Ор­ши­хыг “нүдэж” байгаа нь үнэний хувьтай
л болов уу. Дээр нь өнөө Баасанхүү, Батсуурь, Ганзориг, Оюуны Гантулга гээд хэдэн
ши­жигнэсэн аймгийн арслангуудаа цолонд хүргэх бодолтой байгаа нь дамжиггүй. Өөрөө
зодоглож гурвын даваанд нэгийг нь авч тунаанаас гаргах байх. Ганбатын бэлтгэл ямар
байгаа юм бол, их дээшээ барилдахааргүй бол дэвжээнээсээ нэг начин төрүүлэх байх.
Бумбаяр заан, Бямбажав харцага гээд ул­сын цол горилж байгаа залуустаа гүүр болчихоор
хүмүүс бас бий. Тэр бүгдийг хашир аварга хэдийнэ тооцоолчихсон байгаа. Увсынхны
тактик одоохондоо иймэрхүү л байх шиг. Гэхдээ наадам дөхөх тусам улам нарийсна шүү
дээ.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Даян аварга Г.Өсөхбаяр: Бөх гэдэг дандаа давахын нэр биш шүү дээ

-МОНГОЛ ТӨРИЙН НААДМЫН ЗҮҮНИЙ МАГНАЙД БОСНО ГЭДЭГ САЙХАН-

Архангай аймгийн Бат­­цэнгэл сумын харьяат Монгол Улсын даян авар­га, гавьяат та­мирчин Гэ­лэг­жам­цын Өсөх­баяртай ярилц­лаа. Өнөө цагийн бөхийн маг­най болсон хүчит аварга­тай наад­мын бэлтгэл дээр нь очиж, Туул голын хө­вөөнд ярилц­сан юм. Өсөхөө аваргатай Буур Жамъян өвөөгөөс нь улбаа­лаад монгол бөхийн өнөөгийн өндөр­лөгт хүр­сэн бүхий л цаг үе, наад­муудынх нь ту­хай хөө­рөлд­сөн. Харин бид хоёрын яриа улс төрөөс бүр тодруул­бал, Ерөнхий­лөгчийн сонгуу­лиас ангид бол­сон гэдгийг тодотгох нь зөв болов уу.

 
Яриагаа наадмын бэлт­гэлээс эхэлье. Бэлт­гэл ерөнхийдөө жигд­рэх тал руугаа орж байна уу?

-Архангай
аймгийн “Бөхбилэгт” дэвжээний­хэн БХЯ-ны харьяа “Най­ман шарга” амралтад гу­рав дахь жилдээ бэлтгэлд гараад байна. Баянзүрх хайрханы­хаа өвөр, Туул голынхоо хөвөөг бараа­даад сайхан байна аа. Бөхчүүдийн бэлт­гэл сур­гуу­лилт, өнгө ерөн­хийдөө жигдрэх тал руугаа орчих­сон.

Энд чинь “Бөхбилэгт” дэв­жээ­нээс гадна, Сэлэнгэ, Өм­нө­го­вийн бөхчүүд байгаа. Дээр нь “Алдар” спорт хо­роо­ны тамирчид гээд ная шахам бөхчүүд байна даа.  Миний бие өмнө нь Сүүж уулын ам­рал­тад бэлтгэлд гардаг бай­сан. Монгол төрийн наадмын гур­ван түрүүг тэндээс хүртсэн бай­даг. Олон жилийн уламж­лалтай, бөхчүүдэд ээлтэй, энергитэй сайхан газар шүү. Налайхын ардхан байх “Най­ман шарга” маань ч ээл буя­наа харамгүй хайрлаж бай­гаа.

Танай галынхан өнгө­тэй байгаа нь мэдрэгдэж байна. Тантай зорьж ирж уулзсаных өвөөгийн тань тухай асууя. Буур аваргаас улбаалаад яриа хөөрөө маань ундарна даа?

-Өвөөг
минь бөхөд хайр­тай, бөхөө дээдэлдэг монгол түмэн мэднэ дээ. Ардын зас­гийн анхны аварга, монгол төрийн наадамд хоёр тү­рүүлсэн хүчтэн шүү дээ. Улсын даян аварга цол хүртэж, бүх Монгол даяар “Буур” хэмээн алдаршсан алдар цуутай, домог болсон бөх байлаа. Би бол тэр хүний ганц охиноос нь төрсөн хүү юм.Тийм л хүний үр удам болж, монгол бөх хэмээх түүх соёлын гайхамшигт ертөнцөд хөл алхаж нэр­тэй зүстэй яваадаа бахарх­даг. Өвөө минь бөхөд өндөр амжилт үзүүлснээс гадна хүнийхээ хувьд жудагтай, олонтой  явсныг нутаг нугынхан нь үе дамжин дурсацгаадаг. Миний бие өвөөгөө хүнийх нь хувьд ч, бөхийнх нь хувьд ч шүтэж биширч явдаг аа.

Буур аварга Тариат, Ца­хи­рын хүн. Харин та Бат­цэн­гэлд төрж, тэр ус нутгаар овоглодог. Таныг төрөхөд өвөө таньЛу гүний Вандан аваргын нутаг манай удамд нэг бөх хүү заяалаа. Ар­га­гүй ээ, Вандан аварга бол намайг төрийн наадамд анх дагуулж очиж байсан буян­тай хүнгэж ихэд бэлгэ­шээ­сэн гэдэг. Үүнээс ан­заа­­рахуйд аварга хүн цаа­наа­саа төрдөг юм байна, энэ хорвоо ертөнц дээр зүгээр ч нэг ирдэггүй юм байна гэх бодлыг өөрийн эрхгүй төрүүлдэг шүү?

-Би
чинь дээрээ таван эгчтэй. Манай аав Тариатад сум нэгдлийн санхүү, эдийн засагчаар ажиллаж байгаад Батцэнгэл суманд томилол­тоор очжээ. Тэгэхэд өвөө минь ихэд баярлаж “Лу гүний Ван­дан аваргын маань нутаг ганц охинд минь хүү заяах байх аа” гэж хэлж байжээ. Үнэхээр өвөөгийн хүсэл биелж далан гурван оны өвөл миний бие Батцэнгэлд мэндэлсэн. Би чинь Батцэнгэлд эхийнхээ хэвлийд ирж байсан хүн юм. Батцэнгэл бол бөхийн өлгий болсон нутаг. Далан гурван онд би, далан долоон онд миний дүү улсын харцага Батбаяр төрсөн дөө. 1924 онд өвөө минь Архангай аймгийн наадамд “Монгол хүү” кинонд тоглодог Лундаа арслантай барилдаж түрүүлээд улсын наадамд зодоглох эрх олж авсан юм билээ. Тэгээд Ван­дан аваргыг дагаад хан уулын ар, хатан Туулын хөвөөнөө ирж зодогложээ. Анх зодоглосон жилээ Хал­хын гурван босоотой их шө­вөгт үлдсэн гэдэг. Тэр нь Вандан аварга, хан Хэнтийн босоо Самдан аварга, Хөвс­гөл нутгийн хүчит бөх босоо Шагдар нар байжээ. Босоо Шагдарыг нь их шөвөгт уна­гаад босоо Самдантай нь түрүү үзүүрт шалгаран тахи­маа өгсөн түүхтэй. Тэрээр далан есөн онд өөд болсон. Тэгэхэд би тав, зур­гаан нас хүрчихсэн байсан болохоор өвөөгөө сайн мэд­нэ. Эмээгээ ч мэднэ. Гарам­да­гий гэж сайхан буурал бай­лаа. Өвөө намайг цэцэрлэгт хүргэж өгөөд орой авдаг байв. Цэцэрлэгээс тарахад баав­гай­тай чихэр хоёрыг өгнө. Түү­ний нэгийг өвөөдөө өгдөг, тийм л хүүхэд байлаа. Тэгж л би гэдэг хүн Монголын домог болсон Буур аваргын өвөр дээр эрхэлж өссөн дөө.

Таныг алдар цуутай бөх болж, нэгэн цагт Монгол бөхийн дэвжээг чимнэ гэд­гийг өвөө тань зөнгөөрөө мэдэж байжээ. “Миний зээ хүүд тус дэм болооройхэмээн Мөөеө аваргад за­хиж үлдээсэн гэрээс ч бас бий дээ?

-Алсын
бодолтой, холч ухаантай хүн байсан нь Мөөеө аваргад захисан тэр гэрээсээс мэдрэгддэг. “Миний зээ хүүг хэрвээ бөх болоод гараад ирвэл тусалж дэм­жээ­рэй” гэж хэлсэн байгаа юм. Харин аав, ээжид болохоор “Хорин нас хүртэл нь барил­дуулж болохгүй шүү” гэж хэл­сэн байдаг. Бага балчиртаа бэртчих вий гэж бодсоных. Гайгүй шиг бие хаатай болох байх аа, сайхан барилдаад байвал барилдуулна биз ээ. Нэг их олигтой амжилт үзүү­лэх­гүй бол заавал барил­дуу­лах гэж шахаж шаардсаны хэрэггүй биз ээ хэмээн аавд аминчлан хэлж байсан ч гэдэг шүү. Ийм л сургамж захиасууд өвөөгөөс минь уламжлагдаж ирсэн дээ.

Танай аав Гэлэгжамц гуайнБуур аваргагэж сайхан ном байдаг. Уг ном­ноос аав тань монгол бөхөд ямар их хүндэтгэлтэй хан­даж ирсэн нь мэдрэгддэг. Бөхөд тэгж л чин сэтгэ­лээ­сээ хандсаны буян өөрт нь ирж аварга хүүтэй болсон болов уу. Та аавынхаа ту­хай, удам гарлынх нь тухай ярихгүй юу?

-Ерэн
гурван онд манай аймгийн 70 жилийн ой боло­ход аав “Буур аварга” гэсэн номоо гаргасан. Өвөөтэй дө­чөөд жил айл аймаг явж, амь нэг байсан болохоор маш сайн мэдэх хүн ерөөсөө ми­ний аав л даа. Бөхөд үнэ­хээр сэтгэл зүрхнээсээ хайртай, бөхийн ёс уламжлал, жаяг дэгийг гүн гүнзгий ойлгодог хүн шүү дээ. Өвөө аав хоёр хэн хэндээ бүр уусчихсан шиг санагддаг. Өвөөгийн байр байдал, зан төрх, олонтой явсан хүнлэг чанар тэр бүгд аавд минь хадгалагдсан. Хү­мүү­ний амьдралын тэрхүү нан­дин бүхнийг үр хүүхэд бидэндээ өвлүүлсэн, ийм л юм. Өөрөө Эрдэнэмандал сумын унаган хүн. Аав нь Цэвээн гэж морь сайхан уядаг, залуудаа барилдаж ч явсан, бөхийн цол морины цолыг гайхмаар дууддаг тийм хүн байсан. Би бас өвөөгөө мэд­нэ.        

Та Буур өвөөгийнхөө захиснаар хорин нас хүрч барилдсан уу?

-Тэгэлгүй
яахав. Арван хэдтэй байхдаа их спортоор хичээллэж байв. 1989 онд Архангай аймгийн төвийн есдүгээр ангид байхдаа олон улсын хэмжээний мастер Чой­­жилын Буян гэж баг­шийн­хаа бөхийн секцэнд орж, тэр хүний гараас спортын гараа­гаа эхэлсэн. 1990 онд арав­ду­гаар ангиа төгсөөд Улаан­баатар хотод ирсэн. Чөлөөт бөхийн залуучуудын улсын шигшээ баг гэж байлаа. Хө­дөө­гийн бор хүү намайг уг шигшээ багийн хамт олон багш дас­гал­жуулагчид хүлээн авч, ца­лин хөлс олгож бөхийн зам мөрийг минь эхлүүлсэн. За­луу­чуудын шигшээд гурав, дөрвөн жил бэлтгэл хийж сая нэг хүний гарын ая даахтай болсон доо. Тэгээд л ерэн гурван оноос үндэсний бө­хөөр хичээллэж эхэлсэн түүх­тэй.

Ерэн дөрвөн оны намар шиг билээ. Ш.Намхай, Ш.Лув­санжамбаа авар­гуу­дын нэрэмжит барил­даанд та залуу бөх шөвгийн дө­рөвт үлдэж, “Буур авар­гын зээ хүүгэж анх дуудуулж байсан санагдана?

-Тийм
шүү, тэгэхэд айм­гийн арслан цолтой, улсын цолонд хараахан хүрээгүй байсан. Тэр барилдааныг би бас сайн санаж байна. Ингэ­хэд намайг тавдугаар ангийн сурагч байхад манайд хуучин Соёлын яамны сайд байсан Пүрэвийн Даваасамбуу гуай очиж байв. Сүүлд Бөхийн холбооны дэд тэргүүнээр ажиллаж байсан. Тэр хүн бөхийн төлөө зүрх сэтгэл, амь амьдралаа зориулсан нэгэн. Олон ч залуучуудыг бөхийн дэвжээнд хөтөлсөн байдаг. “Буур аваргын зээ байх ёстой” гэж л манайд очсон байх. Бүр эрж сурч байгаад очсоныг санаж бай­на. Дэвтэр дээр харан­даа­гаар миний өндөр, жин зэр­гийг тэмдэглээд, на­майг ха­райл­гаж, гүйлгэж үзээд явж байв. Тэрхүү 12 мөнгөний дэвтэр одоо ч на­дад хад­га­лаг­даж байдаг. Тэр хүний буянаар Залуучуудын шиг­шээ багийн тамирчин болж Нямдаваагийн Ганбаа­тар багшийнхаа гар дээр ирсэн түүхтэй. Ерэн онд ний­гэм цаг үеийн байдал, ард иргэдийн ахуй амьдрал ямар байлаа. Хөдөөнөөс дөнгөж ирээд байсан надад мөнгө төгрө­гөөс аваад гачигдах зүйл юу эс байх билээ. Гутлын үйлдвэ­рийн дарга Чимэд­рэг­зэн гэж манай Архангайн Өгий­нуу­рын хүн надад их тус болсон. Цалин хөлстэй болс­ноор амьдралд минь эргэлт өөрч­лөлт орж, бэлтгэл сур­гуу­лилт хийхэд ч урам зориг нэмэгд­сэн нь мэдээж. Энэ ач буяныг дандаа санаж, баяр­лаж яв­даг. Тэгэхээр би гэдэг хүн анх гутлын үйлдвэрийн бөх бай­сан байгаа биз. Энэ мэт олон сайхан хүний сэтгэл, итгэлийн дэмээр өнөөгийн өндөрлөгт хүрчээ.

Та ерэн таван онд Мөөеө аваргаар тав давж начин, улмаар шууд долоо даван заан цол хүртсэн. Өөрийгөө цолонд хүрнэ гэд­гээ мэдэж байв уу?

-Юм
гэдэг сонин л доо. Ерэн таван оны наадмын өмнөх Их сорилго барил­даанд миний бие одоогийн улсын гарьд И.Доржсам­буу­тай барилдаж байгаад мө­рөн­­дөө гэмтэл авсан юм. Тэгээд наадмын бэлтгэл дээр бараг л зодог шуудаг өм­сөө­гүй. Гэхдээ жилийн бэлтгэл маань ерөнхийдөө гайгүй байсан юм болов уу даа. Өмнөх жил нь дөрвийн да­ваанд Ж.Намжил­дорж хар­цагад унаж байсан. Цаг нар­гүй бэлтгэл хийж байж л амжилтад хүрэх юм байна гэдгийг ойлгосон нь мэдээж.

Ерэн таван онд намайг гуравт Ж.Чойжилсүрэн арс­лан, дөрөвт Ч.Гочоосүрэн заан гээд нутгийн минь бөх­чүүд амлаж даваа ахиулсан. Ингээд тавын даваанд Ж.Мөн­х­бат аварга амлаж улсын цолны босго алхуулж байлаа. Мөөеө аварга надад хэлдэг байсан.

Юу гэж?

-“Чамайг
дөрөв даваад гараад ирвэл би авна. Ер нь чи тавын даваа хүртэл бодох хэрэг байна уу. Зургаа, до­лоо­гийн даваагаа л бод. Зур­гаад Сумъяабазартай, до­лоод Гантогтохтой л тулна даа” гэж захиж байв. Нээрээ ч аваргын хэлсэн ёсоор би зургаад Сумъяатай, долоод Гантогтохтой тунасан даа. Тэр хоёртой барилдах сэтгэл зүй болоод барилдааныг Мөөеө багш тэгж ихээ эрт миний толгойд суулгаж өгсөн. Аварга гэдэг үнэндээ аварга л байдгийг тэгэхэд ойлгосон доо. Улсын өндөр цолонд хүрнэ гэдэг өөртөө итгэх итгэл төрж, басхүү хариуцлага хү­лээж эхэлдэг юм билээ. Үнэ­хээ­рийн баяр баясгалан ав­чирд­гийг мэдэрсэн. Заан цол­ныхоо тэмдгийг ээжийнхээ урлаж өгсөн хоргой эмжээр­тэй цэнхэр даавуун тэрлэгэн дээр зүүгээд алхаж явсны бахтайг хэлээд яахав. Мөөеө аварга тэргүүтэй бөхчүүд наадмын орой манайд ирж, хэдэн эгч нар минь цуг­ла­чих­сан. Ээж минь уйлаад л, аавын баярлаж байгаа гэдэг жигтэйхэн. Үүр цайтал ярьж хөөрч, айргаа ууж, наадмаа ярьж баяр бахдалд умбаж байснаа мартдаггүй шүү.

-“Зургаан залуу зааны үегээд л манайхан ярьдаг. Та хэд монгол бөхийн хөгж­лийг нэгэн түвшинд аваач­сан болов уу. Үнэхээр хэн хэнийгээ ирлэсэн хурц тон­го­ргууд байжээ?

-Хоорондоо
ана мана үзэлцэж, унаж давж явсан он жилүүдээ эргээд бодохоор сайхан санагддаг. Хүмүүс зургаан залуу зааны үе гэж хэлэхэд нь нэг л дотно санаг­дах нь бий. Үнэндээ монгол бөхийн дэвжээнд нэгэн үед яалт ч үгүй хамт гарч иржээ. Ухаандаа, 1994 онд Ц.Цэ­рэн­пун­цаг, Б.Гантогтох хоёр, да­раа жил нь би, ерэн зур­гаан онд манай Сумъяа, ерэн до­лоон онд А.Сүхбат, ерэн есөн онд Б.Ганбат гээд бүгд цуваад заан цол хүртэж бай­сан. Ин­гээд 2000 оны долоогийн даваанд Бат-Эрдэнэ аварга, Мөнх-Эрдэнэ арсланг амлаж бид зургаа тунаж байлаа. Тэгээд цолны эрэмбээрээ Пунцагаа Гантогтохыг, би Ганбатыг амлаж, Сүхбат Сумъяа­базар хоёр тунаж бай­сан. Яагаав, Сүхбат Сумъяаг нисэлттэй гар ачиж унагасныг манайхан мэднэ. Ерэн есөн оны зургаагийн даваанд Гантогтох, Сумъяа, Сүхбат бид дөрөв мөн л тунаж хүч шавхсан барил­даа­нууд болж байсан. Одоо бич­лэг энэ тэр харахад үнэн­дээ түргэн шуурхай барилддаг байж. Ямар ч олон угсраа мэх хийдэг байсан юм бэ. Өрсөл­дөгч нь хичнээн сайн байна тухайн хүн тийм хэмжээгээр амжилт үзүүлэх нь мэдээж. Бид бол нэгэн цагт монгол төрийн дэвжээнд хөл тавьсан минь аз л байхгүй юу. Үнэхээр хор шар буцалсан, өөрс­дий­гөө бүрэн шавхсан, тамир тэнхээгээ барсан, мориор бол хэн хэнийгээ тэлсэн тийм л тулаануудыг хийдэг байжээ. Уул нь бидний үед зургаан заанаас гадна Д.Бумбаяр, И.Доржсамбуу, Ч.Батзориг, М.Жамъянпүрэв, Ц.Мяг­мар­сү­рэн, О.Одгэрэл гээд бас л иртэй заан, начингууд бай­сан. Гэвч тэдэн дундаас бид зургаа хэн хэнийгээ “ураад” гарч ирсэн хэрэг л дээ.   

-2002 оны наадамд та анх түрүүлсэн. Есийн да­ваанд Б.Гантогтох гарьдтай барьц сонгож барилдаад түрүүлэхэд ард түмэн ша­вай­гаа ханатал баярлаж би­лээ?

-Би
чинь ерэн таван онд заан болоод 2002 он хүртэлх долоон жилийн хугацаанд заан цолтой зодоглосон. Ту­хайн он жилүүдэд наадамчин олон намайг түрүүлж арслан цолонд хүрнэ гэж битүүхэн хүлээдэг байж. Тэр хугацаанд би заан цолоо хоёр ч удаа баталсан байдаг. 2001 онд бүр найм давж шөвгөрсөн бай­даг. Барилдааныхаа ам­жилтыг харсан ч, үеийн­хэн­тэй­гээ өөрийгөө харьцуулсан ч надад боломж байна гэдэг нь мэдрэгдээд байсан л даа. Ингээд 2002 оны наадамд зодоглосон, түрүүлсэн. Бах­дам сайхан амжилт гаргасны дараа хүмүүс ихэвчлэн баяр хүргэе гэж хэлдэг.  Б.Ган­тог­тох­той үлдэж түрүүлсэн тэр жил хүмүүс “Баярласан шүү” л гээд байсан. Тэр үг надад их ойр, бүр нэг сэтгэл хөд­лө­хөөр сонсогддог байлаа. Олон түмний хүслийг бие­лүүлж, баяр бахдалыг нь тө­рүүл­нэ гэдэг сайхан юм би­лээ. Бөхийн дүрмийн дагуу Ган­тог­тохтой барьц сон­го­хоор шодоход миний талаар таардаг юм. Тэгтэл цэнгэлдэх тэр чигээрээ л шуугиад яв­чих­сан. Их үерийн ус шиг халгиад ирсэн нь мэдрэгдсэн шүү.

-2003, 2005 онуудад өөрийн найз Д.Сумъяа­ба­зар­тай үлдэж түрүүлсэн. Зарим нэг жил нь найздаа өгчихдөг ч юм билүү гэх бодол төрж байсангүй юу. Ер нь дотнын найзтайгаа төрийн наадмын түрүү бу­лаал­даж аварга цолны тө­лөө барилдах халгамаар биз?

-Сумъяатай
хот орж ирээд л үерхэж нөхөрлөсөн. Үй зайгүй найзууд. Гэвч наад­мын дэвжээн дээр яс үздэг хоёр доо. Хэзээ ч нэгэндээ буулт хийн худлаа барилдаж явсангүй. Түүний өөрийнх нь чанар, бөхийн жудаг ч юм уу даа. Надад нэг ч удаа “Найз­даа өгчихөөч” гэж хэлж үзээ­гүй юм. Түүнд би баярладаг. Хэрвээ хэлсэн бол хэцүү шүү дээ. Бид хоёрын дунд ямар­хан барилдаанууд болж байс­ныг наадамчин олон мэд­нэ дээ.

Та 2003 онд түрүүл­чи­хээд бөхийн дэвжээнд мөр­гөж байлаа, 2005 онд тү­рүүл­чихээд аавыгаа тэв­рээд уйлж байлаа

-2003 онд түрүүлж, үнд­сэн­дээ улсын баяр наа­дамд хоёр манлайлаад Монгол Улсын аварга цолонд хүрнэ гэдэг гайхамшиг. Энэ бол үгээр хэлэхийн, ямар нэгэн зүйлтэй зүйрлэхийн ч аргагүй зүйл юм даа. Үүнийг аваргууд л мэдэрнэ. Үндсэндээ, тө­рийн наадамд гурваас дээш түрүүлсэн хүмүүс л мэдэрнэ. Аварга гэдэг бол монгол бө­хийн оргил цол шүү дээ. Бага балчраасаа спортод хөл тавьж, хорин настай бөхийн зам мөр хөөж эхэлсэн ца­гаа­саа л улсын цолонд хүрчих юмсан хэмээн мөрөөдөж, тэмүүлж өдрийн бодол, шө­нийн зүүд минь болдог байв. Тийм ахуй цагт монгол төрийн наадамд түрүүлэн, бөхийн оргил цолонд хүрнэ чинээ бодоогүй нь мэдээж. Ёстой зүүдлээ ч үгүй явсан л байхгүй юу. Гэтэл яалт ч үгүй хоёр дахь түрүүгээ авч, улсын аварга цолонд хүрэхээр баяр­лахгүй яах юм бэ. Бүр хагартлаа баярлаж, олон түмний өмнө ямар үйлдэл хийж буйгаа ч мэдэхгүй шүү дээ. 2003 онд И.Доржсамбуу гарьд, А.Сүхбат аварга на­раар тунаж долоо, найм да­ваад үзүүр түрүүнд Д.Сумъяа­базар гарьдтай хүч үзсэн. Даваа бүрт л хүч шавхсан барилдаанууд гар­гаж аварга цолонд хүрч байлаа. “Би чинь өвөөтэйгээ ижил төрийн наа­дамд хоёр дахиа түрүүл­­лээ шүү дээ” гэж бодогдоход хоолой зангираад л явчихаж байгаа юм. 2005 он бол ми­ний бөглөө тайлагдсан жил байлаа.

-2004 онд табөхийн арангагэгддэг Пүрэв­жа­выг улсын цолгүй байхад нь тахимаа өгч байсан даа?

-Харин
тийм ээ. Тэр жил олимпод зодоглоно гээд жин их хасчихсан,чөлөөтийн тас­ралт­гүй ачаалалтай бэлтгэ­лүү­дэд хамрагдчихсан, бага­гүй тамирдчихсан байлаа. Тэгээд яалт ч үгүй Пүрэвжавт хутгуулаад унасан. Тийм л нэг бүтэн жил дотор минь бугшсан буглаа 2005 онд сэдэрсэн юм. Тэр жил бэлтгэл сургуулилт ч хуучнаараа сай­хан байлаа. Сумъяатайгаа үлддэгээрээ үлдэж дөрвөл­жин барьцнаас давуулж гуя­дах мэхээрээ давсан. Тэгээд л барагтайд нулимс гар­га­даг­гүй хүн чинь асгартлаа уйл­сан даа. Туг тойрчихоод зогсч байтал Хишигээ заан маань нулимсаа арччихсан, дээлийг минь бариад гүйгээд ирсэн. Тэгээд нутгийнхаа ах хүчит зааныг тэврээд уйлжээ. Энэ бүгдийг дараа нь л бичлэгээс харж байгаа хэрэг. Хишигээ заантай тэврэлдээд салтал аав минь бөөн баяр гүйгээд ирэхгүй юу. Тэгээд л аавын­хаа энгэрт нулимстай хацраа наагаад, аавыгаа дээр өргөн үнэндээ багтаж ядаж байсан. Аав минь түрүүлэх бүрт л гүйж ирж хүүгээ үнсдэг юм.

Биеийн хүч тэнхээнээс гад­на ухааны хүч, дотоод сэрэл сэрэхүй мэдрэмж  бөхөд их нөлөөлдөг шиг санагддаг. Ухаандаа, мэх хийх гэдэг ойлголт бол уран бүтээлч хүнд сэрхийтэл онгод орохтой ижил болов уу. Энэхүү бодлыг минь бататгаж та их өөр зүйл ярьдаг?

-Бөхийн
барилдааны яв­цад давж унах хугацаа бол ганц хоёрхон секундээр л хэм­жиг­дэх зүйл. Тэнд ерөөсөө л дотоод сэрэл мэдрэмжийн зүйл явагддаг. Хүмүүс дархан мэх гэж яриад байдаг. Энэ бол тухайн хүний бодол сэт­гэл­гээнд суулгасан мэдрэмж л юм. Уг мэхээ өөрийн бол­го­хын тулд мянган удаа дав­та­на. Ингээд ирэхээр хүний бие хар аяндаа өнөө мэхээ үйлд­дэг. Түүнээс өрсөлдөгч бө­хийн­хөө хөлийг авчихаад, эсвэл өрсөлдөгч бөхдөө хө­лөө алдчихаад “одоо тэгнэ дээ” гэж бодох хугацаа байх­гүй шүү дээ. Нэг л мэдэхэд дотоод мэдрэмжээрээ дараа­гийн мэхээ хийчихсэн, барил­даан хэдийнэ дуусчихсан байдаг. Монгол бөхийн мэх шинжлэх ухааны нарийн гар­гал­гаатай, түүнээ дагаад бө­хийн барилдаан мэдрэмж уялдааны холбоц байдаг нь ийм учиртай. Бүхий л зүйл цогц бүрдэж байж амжилтад хүрнэ. Түүнээс байгалиас заяасан бие хаа, хүч тэн­хээ­гээр дан ганц явна гэж байх­гүй. Тэгээд ер нь явж явж хүний өөрийн дайсан өөрөө л бай­даг. Бэлтгэл сургуулилтаа ду­туу хийх юм уу, зарим нэгэн өдөр завсардахад яалт ч үгүй л амжилт ухардаг. Бөхийн ам­жилт гэдэг бол өөрийгөө ялж дий­лэх ухаанаас эхэлдэг юм. Нөгөө талаас бөхчүүд бид чинь наадамчин олноо бясган зугаацуулж байдаг хүмүүс шүү дээ.

-2006 онд 1024 бөх зо­дог­лоход та есийн даваанд Сумъяабазар аваргад уна­сан. Хэрвээ давсан бол даян аварга болоод дараа нь тү­рүү­лэх­дээ дархан аварга болох бо­ломж бай­лаа. Тэр ба­рил­даа­наа дур­сах­гүй юу?

-Сумъяа
тэр жил үнэндээ онцгой байсан л даа. Би бол яалт ч үгүй л унасан. Хэрвээ Сумъяаг давсан бол даян аварга болоод дараа нь До.Ган­хуяг арслантай үлдэж түрүүлэхдээ дархан аварга болох боломж байсан л даа. Гэхдээ болоогүй ээ. Бөх гэдэг дандаа давахын нэр биш шүү дээ. 

Ингэхэд Их хурлын хэ­сэг гишүүдҮндэсний их баяр наадмын тухайхуульд өөрчлөлт оруулах санал гаргасан. Хэрвээ уг хууль батлагдвал та дар­хан аварга цолны болзол хангах юм. Үүнд ямар тайл­бар өгөх вэ?

-Р.Гончигдорж нарын ги­шүүд хууль санаачлаад явуулж байгааг мэдэж байгаа. Гэхдээ их л нарийн бодож боловсруулахгүй бол бо­лох­гүй. Ер нь улсын наадамд дөрөв түрүүлсэн бөхөд дар­хан аварга цол олгохыг Бө­хийн холбооны удирдлагууд ч, бөхчүүд ч хүлээн зөвшөөрч байгаа. Монгол бөхийн дээд цол болох дархан аварга цолтон төрөлгүй 23 жил болж байна. Дахиад хичнээн жил болохыг үгүйсгэх аргагүй.

Та 2009 оны наадамд дөрөв дэхээ түрүүлж даян аварга цол хүртэн, үндсэн­дээ Буур өвөөгийнхөө цо­лонд хүрсэн. Бас л бахар­хал шүү?

-Би
бол үүнийг маш ховор хувь заяа гэж боддог. Монгол бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн болов уу. Тэр жил До.Ганхуяг арслантайгаа үлдэж түрүүлсэн юм. Ганхуяг маань өмнөх жил нь түрүүл­чих­сэн байдаг, тэр жил тү­рүүл­бэл аварга болох гээд байдаг. Бас л амаргүй л бай­сан даа.

-2011 онд ерэн жилийн ойгоор наймын даваанд Ж.БатЭрдэнэ гарьдад уна­сан. Тэр жил та их  л өнгөтэй байсан?

-Уул
нь бэлтгэл сургуулилт тун сайхан байлаа. 2009 онд түрүүлээд, дараа жил нь үзүүр­лэ­чихсэн байсан үе шүү дээ. Гэвч ерэн жилийн ойн наадмын наймын даваанд Бат-Эрдэнэ гарьдад тахимаа өгсөн. Хөлд орохоор нь давуулсан юм, гэтэл нөгөө хөлөнд маань хутгаа мэх хийгээд тас гэдрэгээ явуул­чих­сан шүү. Мөөеө багш л их уурлаж “Ерэн жилийн ойн энэ наадамд чам шиг чанга уна­сан хүн алга” гээд загнаж билээ. Өнгөрсөн жил дөрвийн даваанд Сугаржаргал гэж залууд тахимаа өгсөн. 170 килограмм жинтэй, биеэ сул­ла­чихдаг, мэх хийх ч боломж­гүй хэцүү бөх байна лээ дээ.

Энэ жилийн наадмыг та хэрхэн харж байна. За­луу­чуу­даас хэнд нь итгэл хү­лээл­гэж байна даа?

-Наадам
сайхан болно. Хэн бэлтгэл сургуулилт сайн хийнэ тэр хүнд амжилт ирэх нь дамжиггүй. За тэгээд ту­хайн хүний од, амны хишиг, өм их нөлөөлдөг шүү. Гол нь залуучууд маань жудагтай байж, үнэнч шударга барил­даан үзүүлж, зуу зуун жилийн улбаатай үе үеийн хүч­тэ­нүү­дийн хөлс хүч шингэсэн мон­гол наадмын  ногоон дэв­жээ­гээ хүндэтгэх хэрэгтэй. Зөв бодолтой, зөв мөртэй, дэвжээ юундаа гүн хүн­дэтгэлтэй хан­даж, бөхөө дээдэлж, ес уламж­лалаа сахиж, наа­дам­чин олноо сэтгэл зүрхнээсээ хайрласан хүнд л наадмын од гийдэг юм даа. Үүнийг л хэлье, түүнээс тэр энэ сайн барилдана гэж нэр хэлэх хэцүү байдаг. Тавын даваа­наас л наадмын өнгө ерөн­хий­дөө мэдрэгдээд ирдэг. 

Олон түмэн танд да­хиад төрийн наадмын түрүү байгаа гэдэгт итгэдэг. Үүнд өөрөө ямар хариулт өгөх бол оо?

-За
яах вэ, хичээж зүтгэнэ ээ. Гол нь бэлтгэл сургуу­лил­таа л алдахгүй хийх маань чухал.

Ерэн дөрвөн оны наад­мын өмнөхөн Мөөеө аварга хөдөлмөрийн баатар цо­лоор шагнуулаад Дарийн Дам­дин аварга дээр очжээТэгэхэд Данигай аварга

Categories
редакцийн-нийтлэл

Д.Данзан: Р.Гончигдорж нарын хууль батлагдвал монгол бөхөд эцэс төгсгөлгүй маргаан үүснэ

-УГ ХУУЛЬД ЗААСНААР БОЛ Г.ӨСӨХБАЯР, А.СҮХБАТ НАР ДАРХАН АВАРГА, Д.МӨНХ-ЭРДЭНЭ УЛСЫН АВАРГА, Б.ГАНТОГТОХ УЛСЫН АРСЛАН БОЛОХ ЮМ БИЛЭЭ-

УИХын гишүүн Р.Гончигдор­жоор ахлуулсан хэсэг гишүүдҮндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулаххуулийн төслийг санаачилсан. Уг хуулийн төс­лийг Засгийн газар дэмжсэн учир Их хуралд өргөн бариад байгаа юм. Хэрвээ Их хурал батал­чихвал Р.Гончигдорж гишүүний санаачилсан хууль өнөө жилийн үндэсний их баяр наадмаар хэ­рэгжих бүрэн боломжтой болох билээ. Уг хуулийн төсөлтэй холбогдуулж Монголын үн­дэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзантай ярилцлаа.

 Р.Гончигдорж нарын гишүүдҮндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаххуулийн төсөл санаач­лаад түүнийг нь Засгийн газар дэмжээд Их хурлаар батлагдах гээд байж байна. Үүнд, Мон­голын үндэсний бөхийн холбоо хэрхэн анхаарч байна вэ?

-Засгийн
газарт тийм хуулийн төсөл ороод дэмжигдсэнийг сонс­сон. Энэ тухай нарийн мэдээллийг сониноос л үзлээ. Түүнээс Мон­голын үндэсний бөхийн холбоонд хандсан зүйл байхгүй. Үндсэндээ бид бүхэнд урьдчилж мэдэгдэл­гүйгээр Р.Гончигдорж гишүүнээр ахлуулсан хэсэг гишүүд санаачил­сан юм билээ. Өмнө нь миний бие наад асуудлыг чинь сөхөж байсан. Тодруулбал, өнгөрсөн оны есдү­гээр сард “Үндэсний их баяр наадамд дөрөв түрүүлсэн бөхөд дархан аварга цол олгоё. Далай аварга гэдэг цолыг хэрэгсэхгүй болгоё” гэх нийтлэл бичсэн юм л даа. Тийм нэг өөрчлөлт хуулинд тусгахгүй бол монгол бөхийн дар­хан аварга хэмээх эрхэм дээд цол тасрах аюулд хүрээд байсан юм.

Далай аварга гэдэг цолыг чухам яагаад бий болгосон юм бэ?

-Улсын
алдар цолтой 17 бө­хийн бүрэлдэхүүнтэй 1990 онд хуралдсан Монголын үндэсний бөхийн холбооны хурлаар шийд­сэн асуудал л даа. Дамдин, Бая­наа, Мөөеө гээд аваргууд бүгд байж байгаад л улсын наадамд гурав түрүүлсэн бөхөд далай аварга цол өгнө гээд шийдсэн. Тэгээд л уг дүрмийн дагуу улсын наадамд нэг түрүүлэхэд арслан, хоёр түрүүлбэл аварга, гурав түрүүлбэл далай, дөрөв түрүүлбэл даян, тав түрүүл­бэл дархан аварга болно гээд заасан байдаг. Уг заалтыг миний бие зөөллөж улсад тав биш дөрөв түрүүлсэн бөхөд дархан аварга олгоё гэж л санал дэвшүүлсэн хэрэг шүү дээ.

Тэгвэл таны дэвшүүлсэн саналыг үндэслэж Р.Гончиг­дорж нарын гишүүд хууль санаа­чил­сан юм биш үү?

-Тэгж
ойлгож огт болохгүй. Өмнө нь “Үндэсний их баяр наад­мын тухай хуульд нэмэлт, өрчлөлт оруулна. Саналаа өгнө үү” гэсэн бичгийг Их хурлаас бүр тодруул­бал, Я.Содбаатар гишүүн манай холбоо руу явуулж байсан. Үндэс­ний бөхийн холбоо уг бичгийг хүлээн аваад миний дээрх нийтлэ­лийг явуулсан байдаг. Р.Гончиг­дорж, Я.Содбаатар нарын гишүүд хоорон­доо зөвлөлдсөн эсэхийг би мэдэх­гүй. Ямар ч байсан ийм нэг хуулийн төсөл Их хуралд өргөн барьчих­лаа. Уг хууль шуудхан хэлэхэд, цөөн хэдэн бөхөд л зо­риулагдаад байна уу даа гэх хард­лагыг төрүүлээд байгаа. Хэрвээ энэ хууль Их хурлын гишүүдийн дэмж­лэг аваад батлагдчихвал монгол бөхөд эцэс төгсгөлгүй маргаан үүсгэж, лай ланчгийн эхлэл болно. Ухаандаа, энэхүү хуульд улсын наадамд 1024 барилдахад арслан цолтой ес давсан бөхөд аварга цол олгох, арав давбал даян авар­га цол олгох тухай заасан байна. Энэ заалтыг мөрдөөд үзвэл Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын даян аваргууд дархан аварга болох боломж нь бүрдэнэ. Г.Өсөхбаяр аварга улсын наадамд дөрөв түрүүлсэн. Хуулийн дагуу далай аварга цол хасагдвал шууд дархан аварга болох бо­ломжтой.

А.Сүхбат аваргын хувьд гэвэл?

-А.Сүхбат аваргад 2000 оны наадамд Б.Гантогтохтой үлдэж түрүүлэхэд нь хуулийн дагуу арслан цол олгосон. 2001 онд арслан цолтой бөх Г.Өсөхбаяраар ес давахад нь аварга, Б.Бат-Эр­дэнэ аваргаар арав давж түрүү­лэхэд нь даян аварга болчихож байгаа хэрэг. Тэгээд 2004 оны улсын наадамд Б.Гантогтохоор ес давж түрүүлэхэд нь дархан аварга цолны болзол хангасан гээд үзчи­хэж байна. Тухайн хуульд зааснаар бол ингэж болно л доо. Гэхдээ л монгол бөхийнхөө зуу зуун жилд явж ирсэн ёс уламжлалыг эвдэж арай л эрээ цээргүй даварч байх шиг.

Өөр ямар бөхчүүд цол нэмэх магадлал байгаа вэ?

-Тухайн
хуульд зааснаар улсын баяр наадамд найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд арслан цол олгохоор болжээ. Тэрхүү болзлыг хангасан хүн бол улсын гарьд Б.Гантогтох л доо. Тэрээр 2000, 2002, 2004 онуудад
тус бүр найм давж үзүүрлэсэн байдаг. Мөн арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэвэл улсын аварга болно гээд заа­чихсан байна. Энэ бол Д.Мөнх-Эрдэнэ арсланд зориулсан заалт. 1995 оны улсын баяр наадмын дараа Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хурлаар О.Бал­­жиннямд улсын аварга, Д.Мөнх-Эрдэнэд улсын арслан цол олгосон. Уг хоёр бөхийн үзүүлсэн амжилтыг үнэлж тийм цол олгосон байдаг. Тэгвэл Д.Мөнх-Эрдэнэ арслан цолтойгоор 1996, 1997 оны наадмуудад тус бүр найм давж үзүүрлэсэн байгаа. Тиймийн учир түүнд зориулсан цол гээд байна л даа. Ингээд Д.Мөнх-Эрдэнэ гэдэг хүн улсын наадамд түрүүлээгүй хэрнээ аварга болчихож байгаа хэрэг. Ийм л сонин нэмэлт, өөрч­лөлтүүдтэй хууль өргөн баригдаад байна л даа. Тодруулаад хэлэх юм бол улсын наадамд огт түрүүлээгүй хүн үндэсний бөхийн дээд цол болох аварга цолыг хүртэж болох уу. Хэрвээ арслан цолтойгоор хоёр үзүүрлэсэн бөхөд аварга цол ол­гож байгаа юм бол заан цолтойгоор хоёр удаа долоо давсан бөх хуулийн дагуу гарьд, начин цолтой бөх хоёр удаа тав давсан бол шууд харцага, харцага цолтой бөх хоёр удаа зургаа давбал шууд заан болох боломж нь бүрдээд ирж байгаа. Эцэс төгсгөлгүй маргаан гэдэг нь үүнийг л хэлээд байгаа. Хэрвээ энэ хууль батлагдвал бөх­чүүд “Би ийм цол авна, шинэ хуулийн дагуу болзлоо хангачи­хаж” гээд л тал бүрээс босоод ирнэ. Эл бүгдийг тооцоололгүйгээр, Үндэсний бөхийн холбоотой зөвшилцөлгүйгээр ингэж шийдэж болохгүй байх аа. Дүйцүүлж цол өгнө гэсэн ойлголт манай монгол бөхийн түүхэнд байгаагүй. Олон улсын жишигт ч ийм зүйл байхгүй дээ. Ухаандаа, олимпоос хоёр мөнгөн медаль хүртсэн тамирчинг автоматаар шууд олимпийн аварга болгодоггүй биз дээ. Бөхчүү­дийн­хээ үзүүлсэн амжилтыг үнэлүүлэх зорилгоор бид даваа бүхнийг цол­той болгосон. Амжилтаар нь эрэмблэдэг болсон. Уг жишгийн дагуу л монгол бөхийн барилдаан явах учиртай. Бид уул нь Их хурлаас зарчмын тодорхой өөрчлөлтүү­дийг л “Баяр наадмын тухай хууль”-д тусгуулахыг хүссэн юм. Гэвч асуудал өөрөөр эргээд зовлонтой юм аа.

Их хурлаас ямар зүйлийг хүссэн гэж?

-Аймгуудын
баяр наадмыг ул­сын баяр наадамтай ижил долду­гаар сарын 11, 12-нд явуулахыг хуульчилж өгнө үү гэж хүссэн. Тийм бол бөхчүүддээ ч наадамчин олонд ч амар байгаа юм. Ингэж хуульчлаагүйн улмаас аймаг бүхэн дуртай цагтаа наадмаа хийж 512 бөх барилдуулан аймгуудын наа­дам гэдэг манайхны хэлдгээр “улаан найраа” болж хувирсан. Том цолтой бөхчүүд нь очиж най­рааг удирддаг болсон. Хэрвээ хуулиар улс, аймгийн баяр наад­мууд нэг өдөр болдог болбол аймгуудын наадмууд найраагүй болно. Улсын наадмыг өнжөөд аймагт барилдаж байгаа бөх яс үзэхийг бодно биз дээ. Мөн бөхчүүд маань аймаг, бүсийн наадам энээ тэрээг бодолгүй улсын наадмын­хаа бэлтгэлийг сайтар хийх нь мэдээж. Ийм л зарчмын заалтуудыг “Баяр наадмын тухай хууль”-д тусгуулмаар байна даа.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

“Бяцхан мисс”-ийн Тунгаа захирал

Эл удаа “Өдрийн зочин” буландаа Энэ­би­шийн Оюунтунгалаг хатагтайг урилаа. Түү­нийг найз нөхөд, ойр дотнынхон ерөөс мэ­дэх таних хүмүүс “Бяц­хан мисс”-ийн Тун­гаа захи­рал гэдэг. Цэцэг шиг балчирхан үрсийнхээ эрдэм, авьяасыг нээж ирээ­дүй хойчийн ур­таас урт амьдралынх нь анхны талбар бол­сон “Бяцхан мисс” тэм­цээ­нийг жил бүр гар­дан зохион явуулдаг учир тийн нэрлэдэг бай­­на. “Хүүхэд бага­чууд маань бид бүхний бахархал, хайр энэ­рэл, аз жаргалын дээд хамгийн үнэтэй баялаг билээ. Бид хүүхдүүд­дээ хайртай юм шиг хэрнээ яг амьдрал дээр хайргүй болоод байна шүү дээ” хэмээн эмзэг­лэн ярих түүнийг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн ду­гаар­таа зочноор урьсан минь учиртай.

Оюунтунгалаг захи­рал багш мэргэжилтэй бүр тодруулбал, цэ­цэр­лэ­гийн багш гэж байгаа. Уг мэргэжлээрээ хэдэн жил ажиллан хүүхэд багачуудын дунд бужигнаад авчээ. Тэгээд бизнесийн салбарт хүч сорьж, улмаар 2001 онд Солон­гост жуулчлалын компани бай­гуу­лан манаргаж явсан удаатай гэнэ. Эрхэм хатагтайн арилжаа биз­не­сийнх нь ажил үр өгөөжөө хайрлаж, уг салбартаа нэлээдгүй нэр хүнд олж яваа ч хөрөнгө мөнгөө ихэвч­лэн хүүхэд багачуудынхаа ирээ­дүйд зориулдаг нь олон түм­ний талархлыг хүлээдэг. “Миний чин эрмэлзэл охидын асрах төв барих” гэж тэр өгүүлж байна. Хүүхэд өсөн хүмүүжихэд, оюун ухаан нь тө­лөвш­лөө олоход орчин нөхцөл, орон байр ямар их үр нөлөө үзүүлд­гийг Тунгаа захирал сайн мэддэг ажээ. Тиймээс л олон улсын жишигт нийцсэн охидын асрах төвтэй болох сон гэж мөрөөддөг биз ээ.

“Монголчууд бид хүүхдүүдээ үнэтэй сургуульд сургаж, үнэтэй хувцас өмсгөж, үнэтэй утас ба­риулс­ныгаа нэг их том гавьяа мэтээр ойлгоод байдаг. Манай охин төдөн мянган долларын төлбөртэй сургуульд сурч байгаа ш дээ гээд л нэгэндээ гайхуулж ярьдаг. Үүнд би учир дутагдалтай ханддаг юм. Үнэтэй сургуульд явж, үнэтэй юм хэрэглэснээрээ хүүхдүүд сайн хүн болохгүй ээ. Бас муу хүн болно гэж байгаа юм биш. Гэхдээ аав ээж нар ийм хандлагатай бол­сон нь харамсмаар юм. Мөн манай­хан гадны баячуудыг дуурайж гэртээ асрагчтай болж байна. Хүүхдүүдээ хэрхэн өсч буйг тэр бүр анзаарахгүй, ямар өхөөрдөм ааш зан гаргаж шулганахыг нь зүрх сэтгэлээрээ мэдрэхгүй байгаа нь бас харамсмаар. Монголчууд бол язгуураасаа эхийн хайраар өсч бойжиж ирсэн ард түмэн. Өнөөдөр хүүхдээ та асрагчид өгч болно оо. Харин цаг хугацааны дараа таныг үр хүүхэд чинь асрамжийн газар аваачаад орхих вий дээ. Тийм л сэтгэл зүрхтэй болохыг үгүйсгэх аргагүй шүү дээ” хэмээн сэтгэл зовниж, эцэг эхчүүдэд ухаарал өгөхөөр үнэтэй зүйлсийг өгүүлсэн юм. Оюунтунгалаг захирлын яриа хөөрөөнөөс “нээрээ ч тийм шүү” гэж бодогдохоор олон ч санаа оноо байсаан.

Тэрээр хэдхээн жилийн өмнө хоёр дэрсхэн охин төрүүлжээ. “Хоёр охиноо жил дараалж тө­рүүлс­нээс хойш л хүүхдэд хөрөнгө оруулалт хийх ёстой юм байна гэдгийг бүр чиг гүнзгий ухаарсан. Түүнээс том хүүгээ төрүүлсний дараа тун ч хариуцлагагүй ээж байлаа. Хүүгээ хэр­хэн өссөнийг, бага­даа юунд дур­тай сонирхолтой байс­­ныг нь ч бараг мэд­дэг­гүй, одоо л ха­рамсч байна” гэ­сэн.

Тэрээр “Бяцхан мисс” тэмцээнийг өөрөө гардан зо­хион явуулснаар арван гаруй жи­лийн нүүр үзэж бай­­гаа. Мөн хүүхэд багачуулдаа оюуны хөрөнгө оруу­­­лалт хийж “Бяцхан удирдагч” сэтгүүл, “Монголын ирээдүй” номыг эрх­лэн гаргаж буй. “Бяцхан удирдагч” сэтгүүлд гарах гэж, “Монголын ирээ­дүй” номонд орох гэж олон хүү­хэд ба­га­чууд минь хү­сэн тэмүүлдэг. Сэт­­гүү­лийн нүүр­нээс зур­гаа хар­чи­хаад ямар их баяр­лад­гийг бид тааш­гүй. Түүний дэмж­лэг­тэй­гээр олон ул­сын урал­даан тэм­цээнд ялангуяа тө­гөл­дөр хуур, шатар, мате­матикийн олим­пиадад орол­цож амжилт гаргасан хүүхдүүд цөөнгүй.

Жишээлбэл, Төмөртогоо гэж дарга хүсэлт тавьсны дагуу Тунгаа захирал нэг эмэгтэйд гэр өгчихөж. Охин нь төгөлдөр хуурынхаа хичээ­лийг давтах гэр оронгүй гэдгээ хэлж л дээ. Гэтэл саяхан уг охины ээж “Таны ач буяныг бид мартахгүй ээ. Манай хүүхэд одоо Германд сурч байгаа. Төгөлдөр хуураараа тийм тийм ажилт байгуулж байгаа. Танд үүнийг Германаас явуулжээ” гээд бэлэгтэй ирсэн гэдэг. Энэ мэт жишээ олныг дурдаж болох юм. Тэрээр ийнхүү хүүхэд бага­чуу­дын­хаа төлөө халуун дулаан сэтгэл тээж дотроосоо аз жаргалын инээм­сэглэл тунаруулж явдаг нэ­гэн. “Улс төр, эдийн засаг биз­не­сийнхэн зуун саяар үстэй адгуус худалдан авч өөрсдийгөө цэн­гүүлс­нээс үр хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийгээсэй” гэж тэр хүсдэг. Холливудын алдартай одууд дэлхийн өнцөг булан бүрт байгаа өнчин ядуу хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулалт хийхийг хараад Мон­голын “од” гээд байгаа эрхмүүд ийм болоосой гэж Тунгаа захирал мө­рөөд­дөг гэсэн.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Монгол гэр орчин үед эсгий “авс” болчихоод байна гэхэд хэтрүүлсэн болохгүй

Монгол гэрийн талаар бид бүхэн бүхий л үеийн турш магтаж сайшаасаар ирсэн. Монголчууд бид бүхэн бүгд шахуу монгол гэрт төрж өс­сөн. Хүүхэд насны аль л сайн сайхан дурсамж бүхэн мон­гол гэртэй холбоотой. Өглөө сэрээд тооноор цацрах нар­ны алтан цацрагийг нойрмог нүдээрээ шир­тэн, раажваар хангинах өглөөний мэндийн цоглог аялгууг сонсож байсан нь одоо ч санаанд минь тод­хон байна.
Ээж цайгаа самран, аав зуухны хүхээнд дээлээ нөм­рөн сууж тру­бикээ тог тог цохин, улаан тамхи, дугуй булант, цайны үнэр холил­дон ханхийж байдагсан. Гадаа болжмор жиргэн, төвөр төвөр ярил­цах аав ээжийн хоолой бүүвэйлэх мэт намуухан дуулд­саар дахиад л унт­чихаа алддагсан. Өвөлдөө даа­руулаагүй, зундаа халуу­цуулаагүй, нүүгээд явахад хөнгөхөн, барилгын дизайны төгс шийдэлтэй гэх зэргээр гадаад дотоодгүй амаа олол­гүй гэрээ магтаж ирсэн.
За яахав, муулахдаа хүрэх­лээр ээж аавын асуудал буюу том хүний явдал хүүхдүүдийн нүдэнд ил байдаг “пээ паа” гэхсхийгээд л дуусдаг. Яс юман дээр тэр ч бас хүнд байдаг л зүйл шүү дээ. Хүүхэд бага байхдаа учрыг нь мэд­дэггүй, том болохлоор гэр бүл гэж ийм юм байдаг гэдгийг л сургуулилаад байгаа хэрэг шүү дээ. Түүнээс цааш нэг их зүйл байхгүй байсаар энэ зууныг хүргэлээ.
Гэвч орчин үед эсгий гэр шиг аюул осолтой оромж байхгүй бол­жээ. Гэрт байгаа хүмүүсийг дурын хүн нь гал­дан шатааж аль эсвэл хоо­лойг нь хэрчин хүйс тэмтэрдэг боллоо. Энэ өвлийн Баянхо­шуун дахь гэр бүлээр нь ша­таасан хэргийг бид бүхэн санаж байгаа. Эхнэртэйгээ муудсан хүргэн хүү хадмуу­даа эхнэр хүүхэдтэй нь хорин литр бензин барьж очоод шатаачихсан. Хаалгыг нь хэмх татаж онгойлгоод л ка­нистартай бензинээ цацаж байгаад гал тавьчихсан гэдэг. Өөрөө хаалган дээр нь зог­соод хэнийг ч гаргахгүй бай­сан гэж байгаа.
Хаалганаас өөр гарах гарц байхгүй. Хаяаг нь шо­роо­гоор ма­наад хөлдөөчихсөн, хана нь сараалжин модтой, түүнийг нь хөрөөдөөд гара­хаар сэтгэсэн ч гарч амжих­гүй. Яагаад гэвэл гэр гэдэг оромж хув хуурай мод, хув хуурай эсгий, хув хуурай даавуу­наас бүтдэг. Тийм уч­раас таван минутад шатаад дуусдаг. Ха­ранхуй утаан дотор хаалга руугаа тэмтчиж очоод дэмий л “авраарай” гэж орилоод угаартаж үхээд дуусдаг юм гэсэн. Мөн олны сэтгэлийг хэрдхийл­гэсэн аюумшигт хэрэг болох Дар­ханы хяд­лагыг хар. Гэрийн хаалгыг нь хэмхэлж ороод л хэдэн гэмгүй нялх үрсийг минь хүйс тэмт­рээд хаячихсан байна.
Гэрээс арай өөр ором­жинд байсан бол тэгж чадах­гүй. Хотын гуравдугаар хо­рооллын бичилд байгаа айлыг шөнө унтаж байхад нь хаалгыг нь хэмх татаж чадах уу. Тусгай тоног төхөөрөмж л хэрэглэж байж онгойлгож болох юм. Хүүхэд гүйж очоод гэнэдээд тайлчихдаггүй л юм бол хэн дуртай нь гэрт ороод байхгүй. Ялангуяа шөнө бол хэнийг ч оруулахгүй байх бүрэн боломж­той.
Харин гэрийг бол хэн дур­тай хүн хаалгыг нь хэмхэлж чадна. Мөн шууд гаднаас нь шатаагаад хая­чихаж болно.
Хүмүүс ч айхтар долгион цол­гион болсон юм байгаа. Тэгж ч өс хонзон авна, ингэж ч өс хонзон авч байгаа нь энэ гэсэн үзэл суртал нэвт бол­чихсон юм байгаа. Ялан­гуяа солонгос кинон дээр нэг бол хайр дурлал, нөгөө бол өс хонзон хөөцөлдөж буй хү­мүүс өдөр шөнөгүй гараад байхлаар арга ч үгүй юм бай­гаа. Нэг жаахан үг сөрөөд л савтай бензин бариад шөнө гэрийн гадаа зогсож байдаг болж. Үгүй бол тасартлаа ууж согтуурсан солиотой монгол хутга сүхээр зэвсэглээд л хаалгыг нь хэмхэлж ороод унтаж байгаа хүмүүсийг хя­даж байна.
Гэр бол ямар ч хаалт хамгаа­лалт болж чадахгүй боллоо гэдгийг бид бүгд харж байгаа ч арга хэмжээ авахгүй юм. Зүй нь суурин хот оронд эсгий гэрт амьдрахыг хориг­ломоор байна. Ядахдаа ха­руул хамгаалалтгүй байвал гэрт амьдрахыг хорих хэрэг­тэй. Саяын Дархан хотын хэрэгт хороо хорины дарга, хорооны цагдаа, хот дүүр­гийн дарга цагдаа хэн нь ч ха­риуцлага хүлээхгүй. Хүлээх ч хуулийн заалт байхгүй.
Уул нь иргэдээ амгалан тайван байлгах үүрэгтэй төр засаг, түүний түшмэдүүд бай­даг л даа. Даанч бид ингэж бодож, ингэж ажлаа зохион байгуулж сураагүй нь ха­рамсмаар байдаг.
Тэгвэл хотын захын гэр хороо­лол ямар байдаг билээ. Тэнд шөнө ямар ч эзэнгүй хонодог. Тэнд харуул хам­гаалалт, эргүүл цагдаа гэж бараг байдаггүй. Нэг банзан хашаа, гурван давхар эсгий­гээр боолгоод л унтаж байдаг. Хэн дуртай нь тэр гэрт унтаж байгаа хүмүүс рүү довтлоход юу дур­тайгаа хийж болохоор оромж юм. Юун “Миний гэр миний цайз”. Зүгээр л эсгий “авс” гэсэн үг.
Гэрт ороод хүмүүсийг ори­луулаад алж байхад харин ч дуу чимээ гадагш нь гаргадаг­гүйгээрээ онцлогтой юм шиг. Яагаад гэвэл энэ аймшигтай аллага хүчирхийл­лийг ха­жууд байсан айл нь сонсоогүй мэдээгүй байдаг.
Хуучин зан заншил, ша­шин шүтлэг, монгол хүмүү­сийн уужуу тайван байдал л одоо хүртэл гэрийг орон сууц хэмээн хараг­дуулсаар ирлээ. Түүнээс айхтар догшин ша­шинтай, уур унтуутай хүмүү­сийн дунд бол эсгий гэр аль хэзээний гээгдэж хаягдсан байх учиртай. Амь хамгаа­лахгүй энэ оромжинд хүмүүс яах гэж амьдрах билээ. Өдөр шашин шүтлэгт нь харшлаад байсан хүмүүс шөнө ямар ч харуул хамгаалалтгүй эсгий гэрт унтаж хэвтэж байхад сүйд хийгээд дуусах байлгүй.
Тэгвэл яагаад бид эсгий гэрт амьдарсаар ирсэн юм бэ. Хөдөө мал дагаад нүүж суу­хад тохи­ромжтой, хүн ам цөөнтэй тийм газар болж байсан. Хэн хаана явж бай­гааг бүгд мэдэж байдаг, өчиг­дөр тийм морьтой тийм хүн тэнд байсан гэдгийг хүн бол­гон харж байдаг болохлоор бие биендээ дайсагнах нь ховор байжээ. Айхтар цэрэг цуух цуглуулаад дайн дажин үүссэн тохиолдолд л ганц нэг удаа гэр орноор нь сүйтгэх хэрэг гардаг байсан биз. Гад­на дотнын цэрэг­лэсэн хүмүүсийг андахгүй мэдэж дайн тулааны хөлөөс дайжи­хад амар байсан байх. Тэгээд ч дайн дажны үед харуул хамгаалалт сайн байсан байлгүй яав л гэж. Хөдөө хээр байгаа ганц гэрт хүн амьтан дөхөж очихлоор нохой гэж нэг сайхан амьтан байдаг гэх зэргээр хуучин амьдарч болоод байсан.
Гэртээ ороод хаалгаа түгжээд суучихад хэн дуртай нь гэрийг нь хэмхчээд ороод ирдэггүй байсан. Тэгвэл хэн хийсэн, юу болсныг бүгд мэдэх хойно нөгөө хүн дараа нь яаж амьдрах билээ. Хөрш­гүй ганц гэрээрээ байсан ч хэд хоногийн дараа хэн нэг нь мэдэж л таарна. Тэгээд хэн хаагуур явж байсныг бүгд гадаа байж байдаг хүмүүс хойно мэдэж л таарна шүү дээ. Тэгэхлээр гэрээсээ илүү хүмүүсийн ёс суртахуун нь хаалт цайз болж байсан болов уу.
Одоо бол хэн гэдэг хүн хаагуур согтуу толгойлоод яваад байгааг энэ олон хүн дотроос олж ялгаж чадахаа байсан.
Нөгөө нүүдэлчний мөр­дөж ирсэн ёс заншил таа­рахаа больж эхэллээ. Олон хүнтэй хүмүүсийн дунд нүү­дэлчнээс шал өөр суурин амьдралын ёс суртахуун үйл­чилж эхэлдэг. Яг энэ суурин газрын ёс заншилд манай өвөг дээдсээс хэрэглэсээр ирсэн эсгий гэр тохирохоо больж эхэлж байна.
Суурин амьдралд бат бөх ханатай, харуул хамгаалалт, галын дохиолол
зэрэгтэй орон сууц хэрэг болдгийг иргэншсэн нийгэм ха­руулдаг. Харин гурван давхар
эс­гийгээр бүрсэн, дөрвөн залуу өл­хөн өргөөд шидчих гэр бол суурин газар хүн амьдрахад
үнэхээр хоцрогдсон оромж болсон байна.

Categories
редакцийн-нийтлэл

Бөхөн шарын тэмдэглэл

Бөхөн шарын нуруун дээр Улсын начин Л.Нямсүрэн,
аймгийн арслан Д.Батжаргал нар зодоглосон юм

Түрүүч нь ¹130 (4457) дугаарт

Тэрхийн
цагаан нуурын элгэн тушаа олон машины цуваа шил шилээ даран зогс­лоо. 
Өглөөний
тунгалагт
нуурыг хөвөөлөн ангир нур­гиж, эргэн тойрон дахь хүрэн тэрмэн уулсын бэлээр ногоо­ны униар пансан хөшиг шиг тунараад, хаашаа л харна сарлагийн сүрэг налайна. Зуны тэргүүн сарын шинэ­дээр гэхэд далай цагаан нуур минь мөсөн баринтгаа бүрэн за­далж гүйцээгүй л байна. Гэхдээ зах хаяагаараа хөх усан торго адил гүйлмэгнэн шувуудын чуулбар үүсгэн байв шүү. Унаа машинаас хөхин баясалтайгаар салхи хага­лан бууцгаасан утгын их мэргэд Урианхай, Цоо­долоороо ахлуулж нуурын хөвөөнөө өглөөний сэр­гүүнд баахан чуулалдлаа. Зураг хөргөө ч татууллаа. Авар­гуудын хэн нэгнээ явуулсан яриа хөөрөө, инээд баясалд автаж түүнээ анги­рын ганга­наагаар даруулсхийгээд хөд­лөх гэтэл нэгэн сайхан ая аялгуу давалгаалан, Тэрхийн нуурыг тэр чигт нь бүрхээд авах шиг боллоо. Юув гэтэл, Төрөө захирлын маши­ны урдхан Түвшинтөгс гавьяат, Сэр-Од хөгжмийн зохиолч хоёр мөр мөрөө түшин зог­соод буурал найрагч Уриан­хайн шүлгэнд асга­руулсан “Сэтгэл л мэддэг хорвоо” хэ­мээх шинэхэн бүтээлээ уул усанд дуулгаж буй ажээ. Үгүй ээ, мөн сайхан аа. Сэрээ хөгжмийн зо­хиолч уг дуу­ныхаа ноотыг “халуу­наар” нь аваад хотоос гарчээ. Тэгээд л Тэрхийн нуурын хөвөөнөө дуучинтайгаа хамтдаа дуулж, Уриан­хай найрагчид болоод аяны бүрэлдэхүүнд сонсгосон нь тэр.

Буурал найрагч дугариг хар шилнийхээ цаанаас унд­рах нулим­саа нууж хааж энээ тэрээ болсон­гүй. Болдог юм болдгоороо гэдэг шиг шууд л урсгаж, “Юу юм аа, хүүхдүүд ээ. Их сайхан юм аа. Сэр-Оддоо, Түвшээдээ баяр­ла­лаа. Ямар сайхан дуу болоо вэ. Эхлээд би мэдэхгүй, энэ чинь хэний бүтээл билээ 
гэж гайхширхлаа ш дээ” хэмээн нулимстай өгүүллээ. Уриан­­хай найрагчийн баяр бахдал үүгээр ч зогссонгүй. Дуурийн теат­рын гоцлол дуучин Баа­сан­жавын Баатархүү гэж мант­­гар цагаан залуу манай багт яваа юм. Тэрээр “Идэрийн гол”-оо дуулах 
л гэж ийн зорьж яваа. Сэрээ багш нь тэр даруйд, үндсэн­дээ “Сэтгэл л мэддэг хорвоо”-гийн араас “Идэр гол”-ынхоо шуугианыг мандаахыг хү­сэм­жиллээ. Дуучин хархүү ту­шаал авсан цэрэг адил хан­гайн нуруу­наас эх аван урсах Идэрийн голоо халиалаа даа. Тэрхүү бүтээлийг Тэр­хийн цагаан нуур, Хоргын то­гоо, Тариатын хүрэн тэрмэн уулс, дээшээ өгсүүлээд Цахи­рын хөх уулс, цаахна нь дүн­хийх Солон­готын даваа, тэ­гээд Идэр их мөрөн адуу малтайгаа, зон олонтойгоо, сарлаг савагтайгаа, ангир шувууд­тайгаа сонсох шиг болсон доо. Дэргэд минь хүлэг морин адил эргэцэх Золоо ах, түүний хажууд аядуу намуухнаараа нам­байж, сэтгэл нь болбоос Дэл­гэрийн тал шигээ сунайлдсан Хайдавын Чи­лаа­жав ах тэр­гүүтнүүд “Ийм юм байдаг аа” хэмээн дуун алдана. Чилаа найрагчийн зүрх энэхэн аг­шинд гарт баригдсан хараа­цай шиг цовхчиж хавирга сэлт хийгээд энгэр цээжээ дэлсэж байгаа нь мэдээж. “Дулаацуулж харгилдаг Идэр гол, дуугүй суухад минь ч ярьж шуугина” гэж яасан гоё хэлээ вэ гээд барагтайд хөл алд­даггүй хүн чинь нэг л тогтож ядан харагдсан. 

Бавуу найрагч ч тийм л уясал­тай­гаар дотогшоо мэл­мэрсэн бай­далтай гэзэг үсээ баруун гарынхаа парвагар хэдэн хуруугаар самнаж зог­соно. Уг дууны шүлгийг өнөө л буурал үст Урианхай най­рагч бичсэн бөлгөө. Ардын зохиолч Цоодолын томъёолс­­ноор “мэлин хой­лог” тэрээр өдгөөгөөс дөрөв, таван жилийн өмнө Идэрт ирж Сэвжидбалбар хайрхан, Ногоон нуурыг үзэж хаврын тэлэмгэр өдөр хангайн ну­руунд сэтгэл бахдан 
үүл адил хөвж явахдаа буянт дүү, но­мын садан Лхамсүрэнгийн Төр­баяртаа зориулж “Идэр гол” шүлгээ бичсэн түүхтэй ажгуу.

Бүүвэйлж харгилдаг Идэр гол

Бүтэн заяанд хөтөлж урсана

Бүжин зүггүй долгис хөө­цөл­дүүлж

Бүгээн саранд туяа нэм­нэ

Энхрийлж харгилдаг Идэр гол

Эртний ерөөл шивнэж цалгина

Элгэн далдуур хайр дүүр­гэж

Өндөр тэнгэрийг намс­гаж нийл­нэ

Сэвжидбалбар хайрханы цар­манд

Буга болоод урамддаг ч болоо­сой

Сэтгэлийн орь амрагаа

Согоо болгоод дагуул­даг ч болоосой

Хоёр хутагтын дагшин нутгаа

Холын хөх уулсын цаа­наас санан

Хорвоо эргэдэг үнэний буянаар

Хоног үргэлжийн зүүдэн­дээ дандаа ирнэ ээ

Дулаацуулж харгилдаг Идэр гол

Дуугүй суухад минь ч ярьж шуугина

Дурсамж халуун сэт­гэлийн минь чавхдсаар

Дуу шуранхайлуулж ну­лимс бөмбөрүүлнэ

Шуугих нь инээх шиг Идэр гол

Шувуудын мөрөөдөл Мон­голын гол

Шунх улаан тэргэл нар

Булхаж хонодог миний гол оо. Ийм л нургисан аял­гуу шиг ёстой л элгэн далдуур хайр дүүргэсэн шүлэг юм. Түүнд нь урлагийн гавь­яат зүтгэлтэн Д.Цэвээнравдан аял­гуу зохируулжээ. Бүхий л насаараа Улиастайнхаа дан хөх байшинд суун уран бү­тээлээ туурвиж буй авьяасын хүүдий тэрээр яах арга­гүй л “зэвүүн” хөгжим хийсэн нь тодорхой. Ийм л нэг амсхийлт Тэрхийн нуурыг долгилуул­чихаад, мөсөн баринтаг доо­гуур үйлийн хайч шиг нуураа эсгэн урсаж буй Суман голыг улмаа жавхалзуул­чихаад бидний цуваа Цахирын уул­саар дамжин Солонготын да­ваа өөд өгслөө.

Хангайн
нурууны
ноёлог энэ давааны энгэр бэлээр өгсөх бү­рийд өчүүхэн миний сэтгэл хөдөлж, өөрийн эрхгүй мэлмэрдэг юм. Энэ удаад ч ялгаагүй дотогшоогоо мэл­мэрүүлж л явлаа. Солон­готын даваа талаасаа дээш 
их бие нь тэр чигтээ цав цагаан дуулгатайгаа байна. Долдугаар сарын эхээр ирэ­хэд ч өөдөөс сэрүү татуулаад л буурал тэргүүнээ өргөж эрхэмсэг­хэн угтдаг билээ. Хажууд ханайж яваа Гал­баатар докторын сэтгэл бүр чиг хөдөлж буй нь тодорхой. Энэ л өндрөөс өндөр давааг давж ус нутгаасаа холын хол руу, эрдэм номын их далай руу шувуу шиг одсон тэрээр бага нас, ижий аав гээд юу эсийг бодох билээ дээ. Бүгд л нандин дурсамжууд байх нь дамжигггүй. Монгол Улсын их сур­гуу­лийн хэл утга зохиолын тэнхи­мийн эрхлэгчийн албыг дөнгөж аваад ирж буй эрхэм доктор “Арван хэдэн хүүхдээ хүний зэрэгт хүргэх гэж муу аав минь энэ даваагаар морь­­той, явган олон давсан даа” гээд чимээгүй болов.

Тэгснээ
нэг их уртаар санаа алдаад, тэр жилийн түймэр үү, хангайн 
нурууг минь идчихсэн дээ. Солон­готын давааны оройн мод­нууд буудуулчихсан цэрэг шиг л болсон доо гээд бас л чи­мээгүй. Нээрээ чиг түймэрт идэгдээд хар хожуул нь сэ­рийлдэж үлдсэн мод­нууд буудуулчихсан цэрэг шиг л налчихсан байна. Гэхдээ ар, өвөр бэл рүү нь уулын гол шуугин шаа­гин урсч, өнгө өнгийн цэцэгс алаг­лан улаарч, ягаарч, хөхрөн шар­гал­таад сайхнаас сайхан. Солон­гот даваад Дөнгөтийн Цоодол найрагч бүр л сэр­вэлзээд эхэлсэн. Явуу баг­шийн минь нутаг ном ёсоороо эхэлж байна гээд л. Тэрээр замын турш Явуу багшаа дурсаж, Урианхайгаа идэж, Базарын Цэ­дэн­дамбааг ярьж, Бүрэнгийнхээ барин­тагласан судар шиг өвгөдийн тухай хуучилж явсан билээ. Төв аймгийн Захиргаанд ажил­лан галлагаатай ганц өрөөнд амьдарч ахуйд нь нэг л өдөр Явуу гэрийнх нь бос­гоор алхсан түүхтэй. Тэр нь жаран зургаан оны зурга­дугаар сарын арван долоон гэж байгаа. “Сүрэнжав гэж тонтгор бөгстэй нэг юм анх манайд Явууг дагуулан ирж билээ” гэнэ. Ийм л дурсамж дурдат­галыг Цоодол найрагч давааг уруудаж явахад ярь­сан. Хажууханд 
ой зөөлхөн шуугиж, хараацай нисэлдэн ойн цоорхойд модон бай­шинтай бас ганц нэг гэртэй замын буудал үзэгдэж, уул­сын шанаа түүшинг дагаад сарлагийн сүрэг сүглийлдэнэ. Их-Уул сум руу ороод ирсэн нь энэ. 
Их-Уул бол аргагүй л сарлагийн орон. Идэрийн­хээ хөвөөг хаяалаад То­сон­цэн­гэлийн наахна байдаг суу­рин. Олон сайхан бөхчүүд төрсөн нутаг. Миний мэдэхийн Сэнгэ­дов­донгийн Лхагва начин энэ нутгийнх юм. “Азарга Лхагва” гэж үеийнх нь бөхчүүд хэлдэг. Жараад оны эхээр Бадам­доригийн Түвдэндорж авар­гаар улсын цолонд хүрсэн байх шүү. Азаргалж барилд­даг аатай л бөхчүүдийн нэг байжээ. Жүжигчин Дэмид­баатарын аав гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. 
Азарга Лхагва начнаас гадна Гунгаа­самбуугийн Бат-Ам­галан гэж хөө­ний эр бий. Цагтаа бол цалгиж л явсан хүчтэнүүдийн нэг тэрээр өн­гөрсөн жил Тосонд очиход өөдөөс угтаад өнөө л бүдүүн хадуун хэрнээ наргиантайхан яриагаа дэвсэж цүл пал бай­сан. Энэ удаа харин сураг чимээ алга шүү. За тэгээд Өсөхөө аваргыг ид үед нь буюу 2007 онд тавын да­ваанд өвдөглүүлж улсын цо­лонд хүрсэн Бадамдорж, өн­гөр­сөн жил Мөнхбаатар арс­ланд тавын да­ваанд унасан ч өнөөх нь допингтой болж таараад “өсөх идэр” чимэг нэмсэн Жадамбаагийн Оргил гээд начингууд энэ л уулсын дунд өссөн байх жишээний.

Их-Уулын төвийн урдхан байх хуучин модон гүүрээр Идэр мөрнөө гаталж сумынх нь шатахуун түгээ­гүүрийн гадна ирийтэл зогслоо. Тэр­хэн зуурт нэг л мэдэх нь ээ, баахан хужаа мотоцикльтой залуу­чууд цуглачихсан, Уриан­­хай, Цоо­долыг таним­хайрч, Мэндээ захи­рал, Сэ­рээ, Бавуу нартай зургаа татуулж хоорондоо хөшил­дөц­гөөгөөд архайж дэрхийн хараг­дана. Тэндээс хөд­лө­хүйд Тосон­цэнгэлийн наах­на Хөвсгөлийнхөн хоёр фургон машиныхаа ааг амьс­гааг түр ч атугай дарж буй бололтой ногоон ширэг дээр сууцгааж байна. Идэрийн эх хэлнийхээ олимпиадыг зорьж яваа нь тэр. Хүүхдүүд нь зүл­гэн дээр наадан тоглоц­гоо­гоод жар­галтай. Нялх уна­ганууд голын зүлгэн дээр тоглодог шиг л. Хөвс­гөлийн­хөн шиг Говь-Алтайгаас, Ув­саас, Завханы бүхий л сумаас фургон, “жа­ран ес” хөлөг­лөсөн багш су­рагчид Идэрийн­хээ эх хэлний чуул­ганыг яг одоо зорьж яваа. Газар газрын шигшмэл хүл­гүүд нэг хэсэг эртний буурал Хар­хорумынхаа туурин дээр тоосоо өргөж байсан удаа­тай. Түүн шиг эх хэлний баярт оролцохоор баруун бү­сийн­хэн хаврын сүүл сард дуу шуутайхан уулзацгаадаг. Ийм л уламжлал тогтоод да­руй олон оныг үджээ. Жилээс жилд эх хэлний баяр өргөжиж, шандсаа сорьж буй “морьд”-ын тоо олшроод, Идэрийн хөвөөнд үнэндээ багтаж ядах бол­сон билээ. Хөвсгөлийнх­нийг Ойдовын Бадмаадорж бээр ах­лаад иржээ. Сүүлийн үед Ц.Оюун­гэрэл сайдтайгаа сүрхий сүжирч, Хамба гэгээ­нийхээ судар номыг авшиг­ласныхаа шидийг үзүүлэн, түүхийн дурсгалт бүтээ­лүү­дийг өвөртөө эрдэнийн хөө­рөг адил бөмбөрүүлж, 
лаа мэт гэрэлтэн буй тэрээр эх хэлний боловсрол, соё­лыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сангийн Удирдах зөвлөлийн ги­шүүн юм.

“Сайн цагийн мянган бур­хад”-ын нэгэн түүнийг төр засаг, түмэн олон ийн хүн­дэтгэж байхуйд суу­гуул нутаг Хөвсгөлийн Жаргалан­гийн удирдлагууд жигтэйхэн хар­даж сэрдэж шүүх цагдаа бол­сон гэдэг. Яагаав дээ, өнгөр­сөн хавар Бурхан багшийн шүд буюу амил­сан шүтээн пэлдэнг манайхан ёс төртэй­хэн залав даа. Тэр нь Бад­маа­дорж гэгээнтэнд хадгалаг­даж байсан. Засгийн хар ма­шинд сайд шиг сууж, саарал ордонд уригдаж хэдэн өдөр газар гишгэлгүй хүнд­лүүлээд Жаргаландаа очиход өм­нөөс нь хадагтай сүү бус дайзтай сум, буутай угтсан нь тэр. Гэвч үнэн гэдэг үнэнээрээ л байдаг хойно. Эл бүгдийг нь үнэлж түүнд “Үлэмж эгшиглэн” сан дээд шагнал болох “Үлэмж соёрхлоо” хүртээсэн билээ.

Бөхөн шарын нурууны ардхан тушаа, Идэрийнхээ хойхно шар цагаан шаргал эсгий дэлгэчихсэн мэт дэвсэг дээр Лутын Лхагважав багш тэргүүтэй эрхмүүд угтлаа. Бид Тосонгоор дайрч, Мэргэн толгойн шил дээр түр буу­дал­лаж, Тэл­мэний Хүрэн талаар давхиулсаар ирж буй нь энэ. Жилийн жилд яг л энэ газраа ингэж л идээ будааны дээд­тэй халуун дулаан сэтгэлээ дэвсэж угтдаг даа, Идэрийн­хэн минь. Лхагважав багш маань жил ирэх бүр л улам залуужаад байх шиг. Царай зүс тунгалагхан. Өнөө л ган­ган хүрэн бүрхээ духдуулж, шар торгон дээлээ хөөргөн бүсэл­сэн тэрээр Урианхай, Цоодолоо санасан гэж жиг­тэйхэн. Үдийн наран Бөхөн шарын сунайсан шаргал ну­руун дээгүүр хадаг шиг дэлгэг­дэж, Туна, Жаргалантын амаар адуу мал дэлхэн, го­лын урдтайх хоёр гэрээс шин­­гэн цэнхэр утаа эгц дээ­шээ олгойдно. Тэртээ дээр мөнгөрөн цавцайх Сэвжид­балбарынхаа зүг харахуйд эц­гийнхээ гэрт ирсэн мэт нэг л сайхан сэтгэгдэл төрөх нь юу билээ. Хоёр хутагтын минь нутаг ингэж л хөхрөн дуниарч байдаг даа. Тэнгэрт тэв­нийн чинээ үүлгүй гэдэг шиг Идэрийн гол нэг чиг мө­сөн жин­гэлэггүй хар хөх ал­маа­заар давал­гаалан мэл­мэрч байна. Энэхэн бөмбөрц­гийн хаанаас чиг юм Идэрийн голыг зорин хоёр сугаа хол­готол нисч 
ирсэн шувууд түмэн янзын чуулбар үүсгэн, жаргалтайн дэлгэрт умбанам.

Голын чимээ дэрлэн хэсэг­хээн сууж сум орон нутгийн удирд­лагууд, ургаа уулс ши­гээ тэлмүүхэн ах нартай яриа хөөрөө дэлгэ­чихээд оройн сэрүүнд Төрөө ахын хамтаар адуун дээр нь очлоо. Төв аймгийн Баянцагаан, зүүн­тээх Дорнод, Сүхбаатараас угшилтай үрээ морьдыг нь үзлээ. Эрмэг хүлэг эзнээ хараад магнайгаа тэнийтэл эвшээдгийг мэднэ. Гэхдээ бүгд л магнай тэнийн баярлахыг харах үнэндээ бахтай юм билээ. Юм гэдэг өөр л байдаг аж. Зүлгэчихсэн зандан шиг хүрэн азарга, Сандаг­дор­жийн оонон хар шиг нарийхан хар азаргууд шууд л нүднээ тусч байгаа юм. 
Ойртож ир­сэн үрээнхэн морьдыг хасч хөөгөөд л. Үе үехэн хүзүү дэвссэнээ, суман хоёр чих солбилзуулан ийш тийшээ сэрвэл­зээд л. Зандан хүрэн азарга на­рийн хоолойгоор цангинатал үүр­сэхэд Улаан хаданд үүрлэсэн шувууд дэр­хийн нисэлдэнэ. Адуу­чин за­луу Батмөнхийн мөрөн дээр нь суучихав уу гэлтэй болж­мор босон суун жиргэнэ. Идэр мөрний хөвөө ийм л зураг хөргөөр тодорч байлаа. Адууны дэргэдээс гол уруу­дан харахуйд буурал хоёр найрагч, Лхагважав багшийн хам­таар голын зүлгэн дээгүүр алхаж явна. Бүх л зүйл ер бусын санагдаж бай­гаа юм.

Үргэлжлэл бий

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Нисэхийн Т.Батжаргал

“Өдрийн зочин” буландаа энэ удаа “Нисэхийн” хэмээх тодот­гол­той, ерөөс энэ л байгууллагаараа овоглож нэршсэн явдаг нэгэн эрх­мийг урилаа. Тэр хүн бол нисэгч, зохиолч, өнөө цагийн нэртэй мене­же­рүүдийн нэг Түдэвийн Бат­жар­гал юм. Мөнгөн ца­гаан хөлөг жо­лоо­дож халуун залуу насаа хөх тэнгэрийн уудамд үдсэн түүнийг зоч­ноор урьсан нь учиртай. Тод­руулбал, эл өдрүүдэд Монгол Ул­сад иргэний нисэхийн бай­гуул­лага үүссэний 88 жилийн ой тохиож байгаа билээ.

Т.Батжаргал Хөвсгөл айм­гийн Мөрөн сумын уугуул. “Том” Сүхбат, Хишигдорж, Мөнх-Эрдэнэ, Баяр­сайхан гээд Монголын бөхийн дэв­жээнд нэгэн зэрэг тодорсон хүчтэнүүдтэй хамт жаран дөр­вөн оны луу жилд мэндэлсэн нэгэн. Хотгойдын үр сад гэж байгаа. “Шадар ван Чин­гүн­жаваа аваад үзсэн ч, манай хотгойдууд цаанаа л шазуур­тай, судсандаа лугших цус нь буцлах нь холгүй явдаг аатай эрчүүд дээ” гэж мань хүн өөрөө хэлж байна. Тэрээр зулай зулайгаа гишгэж төр­сөн арван гурван хүүхдийн хамгийн отгон нь гэсэн. “Аав минь залуудаа багийн эмч, сум нэгдлийн зоо техникч гээд тухайн үедээ хариуц­ла­гатай ажлуудыг эрхэлж явсан юм билээ. Хөвсгөлийн Тосон­цэн­гэлээс аваад хэд хэдэн сумын нэгдлийг анх байгуулж байжээ” гэж зочин минь аавын­хаа хөдөмөр зүтгэ­лээ­рээ гайхагдаж байсан он жи­лүү­дийг нэхэн дурссан юм. Арван гурван хүүхдийнх нь үр удам өсөн үржээд өдгөө нэгэн “вант улсын” хэмжээнд очсон нь тодорхой. Батжаргал тө­рөл­хийн авьяастай, тэгэхдээ юм юманд адтай хүүхэд бай­сан нь багаасаа мэдрэгдээд ирнэ биз дээ. Ухаандаа, дө­рөв, тавхан нас­тай нялххаан ахуйдаа ижийнхээ зуурсан хоолны гурилаар өөрийнх л мэдэх ойр зуурын амьтдын дүрс хийгээд сууж байсан гэдэг. Харин зургаан настайд нь эгч нь баримлын шавар олж өгснөөр мань хүний ба­ри­малчин болох мөрөөд­лийнх нь суурь наашаа ч цаашаа ч үгүй тавигдаж ээ.

Далаад оны эхээр Бат­жар­га­лын аавынх хот ба­раад­сан байна. Арваадхан настай хотгойд хүү Мө­рөн­гийнх бус Дэнжийн мянгын атаман болж хувирах нь тэр.

“Ах нь Дэнжийн мянгын хар шороо мэрж өссөн това­ри­щуу­дын  нэг дээ” гэсэн нь тийм учиртай. Наян нэгэн онд есдүгээр ангийн сурагч бай­тал “Бүгд найрамдах Монгол Улсын иргэн Жүгдэрдэ­ми­дийн Гүррагчаа сансарт нис­лээ” гэхийг “араажав”-гаар сонсоод “Ерөөсөө би нисэгч болно оо. Барималчин, хөг­жим­ч­ин, сагсны тамирчин болохоо больё” гэж зоримог­хон шийдээд нисэхийн тухай ямар чиг мэдэгдэхүүнгүй хэр­нээ далдхан мөрөөдөж эхэл­сэн гэдэг.

Тийм л үедээ байлдааны онгоц Налайхын тэнд сур­гуу­лилт хийдгийг хэн нэгнээс дуулаад ангийнхаа хоёр най­зыг дагуулан гурвуулаа Дэн­жийн мянгаас Налайх руу унадаг дугуйтай гараад жий­чи­хэж. Хоёр хөлөө эцтэл ду­гуй хийж очоод анх удаа онгоц нисч буухыг холоос харсан байна. Ингэж л түүний нисэхийн байгууллагатай холбогдсон түүх эхэлдэг юм. Тэрээр хуучнаар ЗХУ-ын Фрун­зе хотын Цэргийн ни­сэ­хийн хүчний дунд сургуулийг наян долоон онд, ОХУ-ын Санкт-Петербург хотын Иргэ­ний нисэхийн академийг 2002 онд тус тус дүүргэсэн. Наян хоёр оноос Ардын ар­мийн 282 дугаар ангид байл­дагч, наян долоон оноос Налайх дахь зэвсэгт хүчний 137 дугаар ангид МиГ-21 сөнөөгч онгоцны нисэгч, 1989 оноос МИАТ болон “Нисэх ТАС” компаниудад “Царцаа ногоон” хэмээх АН-2 онгоцны нисгэгчээр ажиллаж хүсэл мөрөөдөлдөө хүрсэн, өөрийнх нь хэлснээр шийр­тэй­хэн л аавын хүү ажгуу. Мөн тэрээр Монголын утга зохио­лын халуун ам бүлийн гишүүн юм. 1999 онд Зохиолчдын байгууллагын далан жилийн ойгоор төрийн шагналт зо­хиолч Долгорын Нямаа, Д.На­цаг­доржийн шагналт зохиолч Дамбадаржаа­гийн Намсрай на­раар батлан даал­гаад гишүүнээр элсч, үе үеийн утгын их мэргэдийн армид хөл тавьсан нь бий. “Өдрийн од­дын зүгт” хэмээх уран сайхны жинтэйхэн кино, “Тэнгэр эзэг­нэгч” тэргүүт шилмэл өгүүл­лийн түүврээ олны хүртээл болгосон билээ.

Одоо бол мань хүн мене­же­рийнхээ үүргийг гүйцэтгэж явна. Түүний менежерлэж байгаа хүн нь А.Очирболд хэмээх авьяас билэгт залуу юм. Тэр хоёр уран бүтээлийн дөрөө харшуулаад Их жан­жин Д.Сүхбаатарынхаа хө­шөөг хүрэлдчихсэн, Хөвсгөлийн Мөрөнгийн төв тал­байд Шадар ван Чингүн­жа­вынхаа хөшөөг босгочих­сон гавьяатнууд. Харин одоо бүр давраад Америкт эзэн хаа­ныхаа хөшөөг босгоно гээд явж байна. Чадна л даа. Түдэвийн Батжаргал гаргуун сайн менежер, Аюурзанын Очирболд бол манай урдаа барьдаг уран барималчдын нэг билээ. Очирболдын хий­сэн анхны бүтээл нь Буян-Ухаа дахь Чингэс хааны морьт хөшөө гэдэг шүү. Далд­хан байсан тэрхүү авьяастныг Батжаргал тийнхүү нээсэн байна.

Иргэний нисэхээрээ овог­ло­дог ийм л нэг тал бүрийн авьяастай эрхмиийг “Өдрийн зочин”-доо урьсан нь энэ ээ.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Бөхөн шарын тэмдэглэл

Тэрхийн цагаан нуур мөсөн баринтгаа бүрэн задалж гүйцээгүй байв

Аяны хөсгийг түүчээлэх арал тэнхээ нь гүйцсэн ат уртаас урт цувааны түрүүнд сэвэлзтэл жонжуулсаар ирэх шиг Дөнгөтийн Цоодол най­рагч явуулын машинаас га­найтал буугаад ирэх нь тэр. Ингээд л “Бөхөн шар” ба­гийнхны экипаж бүрдэж бай­гаа хэрэг. Цоодол найрагч хавар намрын пальтотой, тод улаан өнгийн ноолууран ороолт­той, шанхнаасаа буу­ралт­сан уртавтар халимгаа хажуу тийш налуулчихсан, өөрийнх нь хэлдгээр бол “аймаар л юм” бууж ирлээ дээ. Далан насны даваан дээр ирж байгаа гэж хэлэхийн ч арга алга. Царай зүс гэрэлт­чихсэн, маасайтал инээгээд дайралдсан нэгнийг яаж­шуу­хан явуулъя даа байз гэсэн шиг хоёр нүд нь цаанаа л жоготой.

Ардын уран зохиолчийг багийн ахлагч Лхамсүрэнгийн Төрбаяр угтан авч мэндлээд аяны хүлэгтээ дөрөөлөхийг урилаа. Найрагч найрагч­дын­хаа унаанд суув. Бүр тодруулбал, Урианхайнхаа унаанд суулаа. Миний бие тэрхүү хар фордонд мөн багтаж байгаа. Урд талын буюу даргын суудал дээр буурал үст Д.Урианхай най­рагч заларна. Эрэмбээрээ гэдэг шиг л. Дунд суудалд Цоодол найрагч, түүнтэй утга зохиол судлаач доктор, про­фес­сор, Монгол Улсын гавьяат багш Дашлхүмбийн Галбаатар мөр зэрэгцэв. Мөн л эрэмбээрээ шүү дээ. Арын суудалд “Хүмүүн бичиг” сони­ны эрхлэгч, босоо бичгийнхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж яваа өнөө цагийн нэр­тэй нийтлэлчдийн нэг Базар­са­дын Элбэгзаяа. Баян­хон­горын Шинэжинст, Сэгс ца­гаан Богдын хүүтэй би гэдэг хүн халуун бөөрөө ний­лүүлж суугаад хангайн уулсыг зори­лоо. Хаврын сүүл сарыг ха­шиж хангайн тэлэмгэр нуруу Бөхөн шар руугаа тэмүүлсэн бидний цувааг Богд Дүн­жин­гарав хайрхан будантаад л гаргаж өгсөн дөө. Цасан шам­рага тавьсан жигтэйхэн сал­хи­тай өдөр байв. Үймэр­сэн үүлс Богд уулын орой дээр нэвсийлдээд нэг бодлын таа­тай, нөгөө бодлын зэврүүхэн санагдахаар тийм л өглөө­гүүр Идэрийн голоо зорин хөдөлж буй минь энэ ээ.

Цоодол найрагч сурснаа­раа Урианхайгаа л “идэж” байна. Ерөөс замын турш л өнөө муугаа идэж явсан л даа. Хойлог оо, миний өвгөөн гэнэ. Тийн дуудахад нь үсэн буу­рал Урианхай “Өөв өө, миний өвгөөн, яасан бэ” гэнэ. Ардын зохиолчоос “Урианхай най­раг­чийг та “Хойлог оо” л гэх юм. Хойлог шувуутай зүйрлэн ийн авгайлаад байгаа хэрэг үү” гэж асуухад, юун хойлог шувуу байхав. Мэлин хойл­гийг нь л хэлээд байгаа юм гэж шуудхан хариулав. Түүнд нь Урианхай найрагч жиг­тэй­хэн баясалтай, манайхны хэлдгээр тийм нэг кайфтай нь аргагүй инээж сууна. Амьд бурхад гэж эднийг л хэлдэг болов уу.

“…Будда, Христос, Аллах

Бууж ирээд та нартай уулзатлаа хол оо

Бурхнаас дор гэж биднийг битгий гол оо

Будаг, үнэн хоёрыг ялгуулъя гэвэл

Бусад нь нэмэргүй ээ

Наад хэдэн навсгарыгаа хайрла

Миний муусайн найз нарыг хайрлагэж ардын зохиолч маань аль тэртээ ерээд онд бичсэн нь бий. Бавуугийн Лхагвасүрэн гуай “Боржгины бор тал”-даа хэлсэнчлэн “хө­рөө­ний ир шиг алсын нам­хан…” уулсынх нь оройгоор будантай л байлаа. Уулын энгэр дагуу, судаг жалгын бэлээр адуун сүрэг салхи нөмөрлөөд зогсчихсоныг бо­до­ход үрээнхэн морин дээ­рээс хуу татаад хаячихаар хүчтэй шуурч л байгаа юм байна. Үе үехэн алсын бараа тод­рохуйд, будант үүлс хүг­лийл­дэн аадрын өмнөх бай­дал шиг уулсын оройд нам суучихсан харагдана. Бай­га­лийн ийм л өнгө, ая данд би нэг л дуртай байдаг. Хүүхэд ахуй цагийн дурсамж дур­датгалыг минь энэ байдал зүрхний ховдлоос утсан дэгээ адил гогдоод гоё байдаг юм. Унаа машинд буурал най­рагч­дын яриа хөөрөө зад­гай­раад л байгаа. Ер нь тэгээд зохиолчид явсан га­зар, даа ялангуяа Цоодол найрагчийн явсан газар бүрт инээд хөөр, хөл хөгжөөн тасарна гэж байх­гүй. Бүлээн дулаан уур амьсгал, хүмүүний амьд­ра­лын гэгээн сайхныг намрын борооны үүл шиг тунаруулж явдаг нэгэн билээ. Заалыг бүрэн эзэмдэх шиг олныг нэг л зүг рүү хошууруулж чаддаг ид шид Бүрэнгийн Талын булгаас ундарсан монгол найрагчид байдаг юм аа. Бас л Урианхайгаа явуулж байна.

“Хойлог
оо, би чамд яагаад дургүй болсныг чи мэдэх үү” гэлээ. Урд талын суудлаас Урианхай найрагч бараг л бүтэн биеэрээ эргээд харчихсан, сарлагийн саваг шиг сэглийлдсэн буурал үсэнд нь тун чиг зохидог дугуй хар малгайгаа гартаа базаад атгачихсан, өнөө л өрөвч зөөлөн нүдээрээ Цоо­долыгоо ширтлээ. “Яагаав, далан гурван он шүү дээ. Очир бид гурав хойшоо ваго­ноор явсныг чи сайн мэдэж байгаа даа” гэв. Ардын зо­хиолч тийнхүү нэгэн  нандин дурсамж сөхөх нь тэр. Далан гурван онд Цоодол, Уриан­хай, Тоомойн Очирхүү гурав Орос руу явж л дээ. Тэгтэл өнөө гуравтай чинь Таш­кен­тын алаг нүдэн охин купенд хамт сууж таарахгүй юу. Ин­гээд замд “юм” болж л дээ. Өнөө охиноо ээлж ээлжээр тэгэхдээ таван минутын хуга­цаа­тай тэврэх санаачилгыг хэн нэг нь гаргасан байна. Монголын гурван найрагч залуугийн хүсэлтийг Таш­кен­тын алаг нүдэн охин эсэр­гүүц­сэнгүй, харин ч дуртай хүлээж авсан шиг байгаа юм. Тэр гурав эхлээд “онхолдтол” нь шүлэг уншиж, сэтгэлийг нь уясгасан нь мэдээж л дээ. Охины буух газар ойртоод ирэхийг мэдсэн учир таван минутын хугацаагаа гурван минут болгон нааш нь татсан гэдэг. Тийн явах үед л Уриан­хай найрагч Цоодолынхоо сэтгэлд жаахан зүйл хавчуул­чих­сан хэрэг. Ухаандаа, охиныг яг буух мөчид Цоодол найрагчийн тэврэх ээлж ир­жээ. Гэвч Урианхай нь түүнд шилжүүлэлгүй гүрийчихэж. Шүүрс алдмаар сайхан алаг нүдэнг шүлэг асгаруулдаг цээжиндээ харамлан харам­лан энхрийлээд наачихаж. Ийм л дурсамж. Галаа багш, Элбэгээ ах бид гурав жолооч (аймгийн арслан Данзангийн Батжаргал)-ийнхоо хамтаар уг дурдатгалыг бүр нэг хөхин баясалтайгаар, шавайгаа ханатал сонслоо.       

Урианхай найрагчтай ижил бас л нэг ганган хар фордын урд талын суудалд төрийн соёрхолт яруу най­рагч Цогдоржийн Бавуудорж ханайна. Эх хэлний боловс­рол, соёлыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сангийн гүйцэтгэх захирал эл эрхмийн машинд Монголын зохиолчдын эвлэ­лийн Удирдах зөвлөлийн дарга, Д.Нацагдоржийн шаг­налт яруу найрагч Хайдавын Чилаажав, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Тогтохын Сэр-Од, “Үлэмж эгшиглэн” сангийн зөвлөх, Монголын зохиолчдын эвлэлийн шаг­налт зохиолч Баастын Зол­баяр нарын аваргууд яваа. Уран бүтээлийн идэрхэн ан­дууд тийнхүү нэгэн машинд суудал таарсан нь санам­сар­гүйн тохиол биш юм. “Шинэ Ази” группын ерөн­хийлөгч, “Үлэмж эгшиглэн” сангийн тэргүүн Л.Төрбаяр хэн хэнийг ямар машинд хуваарилах вэ гэдгийг сайтар мэднэ. Нам­рын унага зэлээрээ ижилсдэг шиг сэтгэл сэтгэлээр нь ний­лүүл­нэ дээ. Өнөө “Сэтгэл мэддэг хорвоо” гэдэг шиг л. Бавуу найрагч төрийн соёрх­лын алтан соёмбо энгэртээ гялалзуулаад төрсөн нутаг­таа очиж буй. Аливаа юмны учир тохиол, наад цаад гэдэг сонин байдаг. Төр түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж эх хэлнийхээ яруу сайхныг ба­хад­сан бүтээлүүдээрээ идэр залуухан насандаа төрдөө үнсүүлсэн тэрээр эх хэлний боловсрол, соёлыг дэмжих сангийн хариуцлагатай ал­быг аваад элгэн түмэндээ, уул усандаа очиж байгаа юм. 

Дээр миний бие хэдэн ах нараа уран бүтээлийн андууд гэсэн дээ. Үүнд багахаан тайлбар хийх нь зөв байх. Ухаандаа, Бавуу, Золоо нар дэвэн дэлхийгээр хэрэн тэ­нүү­чилсэн уран бүтээлчид. Яагаав, дэлхийн яруу най­рагч­дын их хуралд жил бүр л яваад байдаггүй юу. Тэгээд Золбаяр сэтгүүлчийн хувьд “Уйтан дорнын талст”, “Үлэмж өрнийн титэм”, “Давалгаа болорших дайд” хэмээх тан­саг­хан тэмдэглэлүүдээ “Өд­рийн сонин”-доо цув­ралаар нийтлүүлснийг уншигч олон санаж байгаа. “Өдрийн со­нин”-доо гэж тодотгосны учир тэрээр манай сонины бүтээг­дэ­хүүн билээ. Урлаг, спортын албыг даргалж байсан нэгэн. Бавуу, Чилаа хоёр мөн л уран бүтээлийн шадар андууд. Монголын радиод мөр зэрэг­цэн ажиллаж ахуйдаа эх ор­ноо бараг л нар зөв тойрсон байх шүү. Тэрхүү аян замынх нь дурдатгал болсон Дарьган­га, Отгонтэнгэр, Су­тай ханы тэмдэглэлүүд бий. Харин Бавуу, Сэрээ хоёрын уран бүтээлийг бол ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэднэ дээ. Хэдхээн жилийн өмнө “Бөхөн шарын нуруу” хэмээх аварга дуу хийж “Морин хуур” наадамд магнайлсан. Уг дуу­ны суварга хөшөө долоон хошууны нутаг харагддаг хан­­гайн сунайсан шаргал нуруу Бөхөн шарын тэргүүн дээр гэрэлтэн байдаг. Тэрхүү дуун суварга эл хоёр уран бүтээлчийн хийморь лундааг тэтгэж, авьяас билгийнх нь эх ундарга болдгийг хэн мэдлээ. Хамба гэгээний ариун сүншиг оршиж, халхын заяа түшдэг л биз ээ.

Мөөеө аваргын нутаг Эр­дэнэ­сантаар дайраад Бул­ганы Рашаант сум дөнгөж өнгөрөөд түр амсхийв. Ха­заар даран галигуулах “хүлэг морьд”-ынхоо жолоог татас­хий­лээ. “Тэнгэрийн муухай арилдаг”-ийн үлгэрээр морин үүлс тэртээд цавцайх уулсыг эмжээрлээд өмнө зүг рүү шуур­­галан, хаврын сүүл сарын ухаа хонгор нар сүүн туяагаар булхан байв аа. Унаа машинаас буунгуут л агь гангын үнэр хамар цоргиж, дэнж бэлийн цэцэгсийг хор­мойдон хөх ногооны униар татах нь зуны эхэн сарын зураг мөн дөө. Замын ба­руун­тайд Хөгнөхаан уул сүр бараатайхан дүнхийж, өмнө минь хонгортох Элсэн тасар­хайг дагуулан хараачлахуйд Батхаан уулын салхи савир энгэр заамаар шургална. Хөшөөтийн минь гол энүүхэн хойхно цэлэлзэж байгаа даа гэж бодохуйд зэлнээс ал­дуур­­сан унага шиг цахил­чих­маар. Ус нутаг, адуу малаа санасан сэтгэлийн минь ааз­гайг хөдөлгөх гэсэн мэт замын зүүхэн талд хонгор голдуу адуу үүлэн чөлөөний наран дотор идээшлэн шинэхэн тавигдсан азарган үрээ хаа нэгтээ үүрсэхийг нь яана. Түр амсхийж, уул толгодын сэр­вээг харуулдан хэн нэгнээ баахан явуулж, инээдэм нар­гиан дундаа хөдлөх үест на­ран дотор хонгортон бай­сан адуун сүрэг өмнүүр зам хөнд­лөн гарч өвөр зүг рүү ордог байгаа. Хэнзхэн уна­ганууд нь цардмал замаар цүүцэг цүү­цэг гишгэлэн, өнөө муу нялх­хаан туурайгаараа өлмий­дөөд л гарч явлаа. Тэр даруйд нэг л сайхан бодол төрөөд, хийморь лундаа бадраад явчихав. Идэр их мөрөн, Бө­хөн шарын нуруугаа зориход ийм л тэнгэртэй байдаг даа.

Завханы Идэр ургаа уул­сыг нь үзэж, ус мөрнөөс нь амсаад явсан хэн хүнийг соронзон гүр адил татдаг ариун дагшин нутаг юм. Тэр жил Их Явуугийнхаа ерэн насны ойгоор утга зохиолын өнөө цагийн луугаруудтай анх Идэрийн голд очиж, идэр­мэг­хэн түмэнтэй нь золгож билээ. Цагийн цагт мөнгөлөг тэр­гүү­нээ титэмлэн талс­туулж, От­гон­тэнгэртэйгээ орой орой­гоо харалцан бараа бараандаа таширладаг Сэвжидбалбар хайрхан, аршаан бумбат Но­гоон нуурын эрэг дээр хо­ног­лохуйд зургадугаар сарын хорьдоор дөрвөн улирлын өн­гийг нэгэн дор үзүүлсэн. Тэр л цагаас хойш Идэрийн го­лыг зүүдлэх болсон доо, би. Гэвч хувь заяагаар хаврын ха­варт Хангайн нурууны ноё­лог оргил Солонготын давааг давж Идэрийнхээ хөвөөнд нялх ангир шиг очих болсоон. “Ямар­хан хувь заяаны ерөөл буян байдаг юм бол оо” гэж өм­нөх хаврын тэмдэглэлдээ дуун алдсан минь ийм учир­тай.

Хоёр хангайн нутаг минь хүрэнтэнхэн харагдана

Хошууны олон та нар минь санагдах л янзтай гэдэг шиг нэг л мэдэх нь ээ Хархорины “Мөнх тэнгэр”-тээ үдийн зоог барьчихаад Хотонтоор дам­жаад арын хангай руу ороод ирлээ. Бидний хоноглох га­зар Гичгэнийн голын хөвөөн дээр гэрэлтэж байдаг “Бад­маа­раг”. Тариат сумын нутаг, сумынх нь төвөөс баруун урдхан байх “Бадмаараг”-ийг “Бөхөн шар” багийнхан “Бат­хүү­гийн кэмп” гэх нь бий. Батхүү гэдэг нь “Цэцэн сар­туу­лын дууч” Бороохойн Батхүү найрагч л даа. Утга зохио­лын наяад оны морьдын нэг тэ­рээр “Шинэ Ази” группын хэв­лэлийн төлөөлөгч гээд лут эрх мэдэлтэй. Хэний ч өөдөөс үгээ хэлнэ. Урианхай, Цоо­дол, Галбаатарыг загнах дар­хан эрх түүнд л бий. Батхүү найрагч Идэрийн голын хө­вөөн дээр тэр нутгийн унага Алтангэрэлийн Мягмар­жа­ваас ч илүү эрх мэдэлтэй, толгой дээгүүр байдаг даа. Харин мань хүний Бадмаараг кэмптэй холбогдсон түүх үнэн­­дээ нигуртай. Тэрээр Гичгэнийн голын хөвөөнд сөхөрч суугаад алтан загас­наас “Оюунхүү докторыг ор хөнжилтэй нь өгөөч” хэмээн гуйсан удаатай. Ийм л яриа хөөрөө “Бадмаараг”-т хоног­лох бүрт улам баяжиж, сүүл­дээ аман зохиол шиг болж байгаа юм. Харин Батхүү найрагч энэ удаа өөрийнхөө кэмпт хоноглож чадаагүй. Төрийн соёрхолт Ц.Бавуу­дор­жийн­хоо нэрэмжит “Цагаан-Үүл” наадмын ерөн­хий шүүгчээр уригдаад нэр­тэй орчуулагч Л.Амар­батын хамт аймгийнхаа Донойн хөн­дийд онгоцоор буусан гэж байгаа. Сайд шиг л очсон нь мэдээж. “Өөрөө төрийн соёр­хол аваад очиж байгаа юм шиг Улиастайн гудмаар мөн чиг хөндлөн алхаж байгаа даа” гэж зохиолч нөхөд нь түүний байр байдлыг нүдээр харсан мэт өгүүлж явлаа. Хоргын тогооны “хайлмаг” чулууд, адуу малын дундуур туучих цувааг түүчээлэн Мэн­дээ захирлын ганган хар жийп “Бадмаараг”-ийн зүг хошуу өлгөлөө. Гичгэнийн гол баринтгаа задалж мөсөн жин­гэл­гүүд нь болортон хөв­нө. Аян замын улс нүүдлийн шувууд шиг дайраад өнгөрдөг Тариатын хэдэн байшин зэрэг­­лээнд дайвалзаж, галт уулсын чулууд шигээ хонх ёнх үзэгднэм.

Н.ГАНТУЛГА

 

Categories
редакцийн-нийтлэл

Дамдинсүрэнгийн Баянтунгалаг найрагчийн тухай өгүүлэхүйд

I.

Дамдинсүрэнгийн Баянтунгалаг тийм нэг дотуур шаналгаатай найрагч шиг санагддаг. Жинхэнэ яруу найрагч, бичгийн мэргэдэд байх мөнхийн шана­лал, далд зовиур эл эрхмээс нэвт харагдах нь бий. Тэрээр Нацагдорж, Явуу, Цэдэндорж, Нямбуугийн Ням­дорж, Данзангийн Нямсүрэн, Мишигийн Ширчинсүрэн, Хөвсгөлийн Түнэлийн Гүр.Нямдорж, 
Баруун Алтай урианхай хөвүүн Хөөдөөгийн Эрдэнэ­баатар, дархад Мягмаржав, Хэнтийн Ломбын Нямаа нарт хайртай. Ялангуяа Нямсүрэнгээрээ үргэлж дутан, яруу сайхны ертөнцдөө ер бусаар ганцаар­даж, шүлэг бүрээ түүнд зориулж, цаг хугацааны урсгалд түүнтэй л хамт зүлгэгдэж байна уу гэж бодогдохоор. Мөн Түнэлийн Нямдоржоо үгүйлэн санах нь ганилантай. Хамтдаа ууж наргиж, уйлж дуулж явсан он жилүүдээ дурсан, цаглашгүй авьяас билэгт андынхаа сонгомол туурвилуудаар шараа тайлдаг болов уу. Тэр Ням­сүрэн нь, тэр Гүр.Нямдорж нь үнэхээр аварга амьтад байсан л даа. Гүр.Нямдорж агсны

Олоон жил дэрлэсэн

Энэ дээлийг угааюу гэтэл

Саалийн үнэр нь хайрангэх ижийн тухай гуравхан мөр шүлэг байдаг. Зүрхэнд ёгхийтэл хэлдэг тийм л найрагч, зураач, нэрт зохиолч халгиж цалгисан авьяастан байжээ. Түүний авьяас билгийг сэтгэл зүрхээрээ мэдэрсэн 
цөөн хүний нэг нь яалт ч үгүй Баянтунгалаг найрагч юм. Тэгээд л анд нөхрөө санагалзаж их хотын үймээнт шөнөөр сэтгэл эзэнгүйдээд лааны гэрэлд дээл нөмрөн сууж “Түнэлийн эрин”, “Жирийн биш” хэмээх туурвилуудаа түүнд зориулаад байдаг нь тийм учиртай буюу. 

Хоёр мянга нэг оны намар оройн усан бороотой уйтан өдрүүдийг санаж байна. Утга зохиолын сургуулийн босго алхаад Хөшөөтийнхөө хул шаргал намрыг орхин, Улаан хадаа нулимстай нь үлдээгээд ирсэн миний бие 
“Цог” сэтгүүлээс Д.Баянтунгалаг найрагчийн гурав, дөрвөн шүлгийг олж үзэж билээ. Утга зохиол, яруу найргийн мөрөөсөлд автсан хөдөөх нэгэн хөвүүний нүдний манан өдөр өдрөөр арилж, бас чиг болоогүй ээ хотын гоё охидод тунгалаг харцаа алдаж явсан тэр өдрүүдэд Баянтунгалаг найрагчийн шүлгүүд намайг цочоон сэрээсэн юм. Яг л гүн нойрноос минь дуудан сэрээх шиг болсон доо. Шүлэг бичихийн түмэн хүслэнд автавч олигтой бичиж чадах­гүй, хий дэмий л хөдөөгөө санагалзаж, 
ижий аав, адуу мал, айраг цагаагаа үгүйлэн бичсэн зүйлүүд шүлэг гэхэд шүлэг биш, басхүү биш гэхэд хашаа ч юм, тийм л нэг ойлгомж­гүй үед эл найрагчийн бүтээлүүд намайг огт өөр ертөнц рүү дуудан далласан даа.

Би хүнд тоогдохгүй байх тусмаа хээрийн салхи шиг эрх эдэлдэг

Бичгийн ширээ тохойлдон шүлэг бодож суухдаа хаан байдаг

Намрын уйтан бороон дундуур ганцаар алхахдаа дарс амсах шиг болдог

Нацагдоржтой тэр жил хүрээний гудмандаа таараагүйдээ өө их гуньдаг

Яах вэ, энэ амьдрал хангалттай гэж өөрийгөө уучилж санаа алддаг

Ятга хийгээд шанзны бөн бөн нулимсанд залуу насаа хардаг

Асарлагч сарны туяа нялх үсэнд минь буухад тэнгэрийн сэрэл төрдөг

Амраг гоо бэлхүүс навчны судал шиг язрахад халуун ураг бүрэлддэг”  гэх “Дотоод жам-1” шүлэг нь тухайн үедээ арай л өөр, бусад найрагчдын 
магтаалын
цагаан шүлгээс ангид, хий хоосон уриа лоозон, эс бөгөөс улс төр нийгмийн шинжтэй тийм нэг хэнээт бүтээлүүдээс үнэндээ өөр санагдаж байлаа даа.

“Цог” сэтгүүлд бадамласан өөр шүлэг бий. Молхи миний бие бараг ганцхан уншаад л цээжинд хоногшсон шүлэг. 

Хувь заяа минь хавар эртийн бороо юм

Хус моддын чөлөөнд хөлөө амраан суух агшин юм

Чи бид хоёрын залуугийн гэрэлт дүр юм

Чимээгүй улиран одсон он жилүү­дийн дурсамж юм

Хээр талд өвсний хуудас сэрчиг­нэх шүлэг юм

Хэрэн тэнэгч үүлсийн хувилгаан алганы сүнс юм

Нас бие минь цаг хугацааны томилолт юм

Намар оройн цасны був буурал санчиг юм

Тунарагч хөх сарны шив шинэхэн туяа юм

Туулай туулай өдрүүдийн шил дарсан мөр юм

Манарагч сүрэг үүлсийн ганц сувдан нулимс юм

Магад тодорхой амрагийн эн­гэрийн зандан үнэр юм

Ачуутын голд суугч шүлэг андын сураг юм

Алтан салхи бужигнах дорнын нүдтэй зураг юм” гэх богинохоон эл шүлгийн үг, мөр бүхнийг эргэцүүлэн бодож орчлон хорвоо ертөнцийн тухай, хүмүүний амьдран буй цаг хугацааны далд нууцын тухай эргэцүүлэхэд хүргэдэг. Өөрийнхөө дотоод ахуй руу, зүрхнийхээ нууцлаг орон зай руу яалт үгүй довтлох үүсгэлийг төрүүлдэг шүү.

Хэзээний билээ дээ, А.Эрдэнэ-Очирын “Эх орон”, Ц.Бавуудоржийн “Хүрэл чоно”-оо дууддаг “Болор цом” шиг санагдана. Дамдинсүрэнгийн Урианхай, Дамдинсүрэнгийн Баянтун­галаг хэмээх Булган хангайн овог нэгт сэтгэл зүрхний ахан дүүс хоёр найрагч цээжний морьдын дунд үлдчихсэн байв. Тийн ахуйд Баянтунгалаг най­рагч 

Жаахан байсан би бүр жаахан

Жалгын ногоо далд ургадаг шиг ургаж байсан

Тэгэхэд үүл хүртэл хачин гоё нүүж

Тэнгэрийн хаяа үлгэрийн юм шиг харагддаг сан

Аав минь намайг үнсэхэд нар үнэртэж

Алсын алсад бороо мэт одохыг хүсдэг сэн

Хотоос ирсэн айлын эгч дотно болоод эрхэмсэг

Хонгор намрын салхи шиг нэг л өдөр явчихдаг сан…” гэж 
эхэлдэг
“Гэрэлт зүгийн дурсамж”-аа уншлаа. Хөдөө гэртээ “араажав”-аар догдлон сонсож суусан миний бие чимээ­гүй­хэн мэлмэрчихэж билээ. “Аав минь намайг үнсэхэд нар үнэртэж” хэмээх мөр нь нэг л дулаахан санагдаж, “Алсын алсад бороо мэт одохыг хүсдэг сэн” гэхүй нь намайг ямар нэгэн далдын гоёмсог ертөнц рүү, олоон уулсын цаад руу хөтлөөд явчих шиг болсон шүү. “Болор цом” гэснээс найргийн энэ наадамд тэр цөөхөн оролцсон. Оролцох бүрийдээ өнөө Нямсүрэндээ зориулсан шүлгээ ун­шина. Тэр нь богинохоон хэрнээ жинхэнэ яруу найраг л даа. Гэвч тайзан дээрээс яаж олигтой сонсогдох вэ дээ. Нийт масс ч төдийлөн хүлээж авахгүй. Бусдаас арай өөр “юм” хэлчихлээ гэдгийг үзэгчид болоод шүүгчдийн дундаас цөөн хэдэн хүн ойлгоно. Ингээд л мань хүн Эрээнцавын Ням­сүрэн­дээ бичсэн шүлгээ уншаад “Болор цом”-оос хасагдана. Үгүйдээ гэхэд л шөвгийн 16-д үлдэнэ. Хасагд­лаа гээд одоогийн шүлэгч залуус шиг гуниж гутрахгүй. Харин ч цээжинд багтсан шүлгээ дуудсандаа тун чиг хангалуун, өнөө Хөөдөөгийн Эрдэнэ­баатар юм уу, дархад Мягаа, аль эсвэл Ламжавын Мягмарсүрэн, Банзрагчийн Цэрэн­жамц нартайгаа, за тэгээд Арлааны Эрдэнэ-Очир, Жамсрангийн Баяржар­гал, Төрийн Баянсан, Магван-Эрдэ­нийн Саруулдалай, Лхагва­сүрэн­гийн Батцэнгэл гээд хэдэн хайртай дүү нар (“гэгээн хэсүүлч” Баттулгыг хаа нэг­тэйгээс ирж тансаг шүлгүүдээ унши­хад тэр машид баярладаг)-тайгаа ганц нэг юмны бөглөө мулталчихаад, Ням­сү­рэн­гээ, Гүр.Нямдоржоо, Сод­ном­нам­жил, Уянга, Болд-Эрдэнэ, Баттогтох 
гээд авьяас билэгт дүү нараа ярьж нэг уйлж аваад сэтгэл онгойн найрагч гэргийдээ сугадуулаад гэрийнхээ үг одно доо. Ийм ахуй үед нь миний мэтийн жулдрайнууд түүнд ойртож чадахгүй. Холоос л барааг нь харж сууна. Тэрхүү эрхэмсэг найрагч сэтгэл зүрхэнд хамгаас ойр хэрнээ халдахад тун амаргүй ертөнц санагд­даг. Ер нь тэгээд хүн гээч чинь хамгийн ихээр хайрлаж хүндэтгэдэг нэгнээсээ үргэлж цэрвэдэг шүү дээ. 

 

II.

Д.Баянтунгалаг найрагчийн анхны ном “Үгийн эгшиг” нэртэйгээр наяад оны дундуур хэвлэгдсэн байдаг. Өмнөх үгийг нь Шаравын Сүрэнжав багш нь “Булган аймгийн Сайхан сумын саруул нутагт төрж өсөөд трактор комбайны жолоочийн мэр­гэжил эзэмшсэн энэ залуу нэр шигээ тунгалаг бичиж байгаад талархнам” хэмээн бичсэн байдаг. Уг бүтээл залуу зохиолчдын улсын уралдаанд шалгарч хэвлэгдсэн юм билээ. Тэрхүү баярт мэдээг Сүүеэ багш нь “Явуу өнгөрсөн” гэх харуусалт мэдээтэй хамт дуулгаж байсан гэдэг. Тэр нь наяад оны эхээр юм уу даа. Өнөө цагийн жин дарах найрагчдын нэгэн тракторын жолоо мушгиж, Булган Эрдэнэтийн хооронд өндөр хүчдэлийн цахилгаан шон босгож явсан үеийн явдал болов уу. Хоёр мянга зургаан оны хаврын эхэн сард юм. Цас захаасаа хайлмагтан урссан тийм нэг ээвэр налгар өдөр Булган аймгийн театр киноны хүрээ­лэнд яруу найргийн томоохон баяр боллоо. Хотоос Ш.Сүрэнжав, Д.Уриан­хай тэргүүтэй ланжгарууд очлоо. Наадмыг Сүрэнжав гуай хөтлөн явуу­лав. Уг наадмын үеэр бичгийн сод хүмүүн Цогт хунтайжийн нэрэмжит шагналыг утга зохиолын ерээд оныхны сонгодог нэгэн төлөөлөл, гал цогтой эрэмгий найрагч Цэнд-Аюушийн Буян­заяад, Сономын Удвал ахайтны шаг­налыг соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Санжжавын Оюунд, “Нууц товчоо”-ны нууцад нэвтэрсэн нэрт эрдэмтэн 
Шанж­мятавын Гаадамбын нэрэмжит шаг­налыг 
Дамдинсүрэнгийн Урианхайд
олголоо.
Нижигнэсэн
алга ташилт, нэвсийсэн цэцгийн баглаа дундуур Баянтунгалаг найрагч хоёр нүднээсээ сувдрах нулимсаа үл арчин гэргий 
(С.Оюун)-гээ түмний нүдэн дээр үн­сээд авав. Үзэгчид дахиад л алга нижигнүүллээ. Утга зохиолын өрлөг ижий, нэгэн цагийн түүхийг нь өөрөө­рөө бичсэн Удвал ахайтныхаа сүн­шиг­тэй шагналыг магнайдаа адислах найрагч гэргийгээ дүүрэн хайраар үнсэж, их утга зохиолын төлөө чинхүү бодлоосоо сүсэлж байсан найрагчийн сэтгэлийг би зүрхээрээ мэдэрч байлаа. Эл эрхэм гаднаас нь харахуйд ихэд ширүүн дориун, адайр ааштай санагдах авч ямарваа нэгэн зүйл дээр сувдрах нулимс нь сул асгаад ирдэг өр зөөлөн нэгэн болой.

Түүний хань Санжжавын Оюуныг Монголын ард түмэн андахгүй. Хэн­тийн солгой Төмөрхуягийн дуулдаг “Хорвоод ганцхан ээждээ” дууг нь сонсоогүй, уярч бахдаагүй, “Тань руу нүүж явна” киног нь үзээгүй хүн ховор. Саяхандаа, амралтынхаа хэд хоногоор Оюун найрагчийн “Шаналал тайт­гарал”, “Хулж нутгийн бүсгүй” номуу­дыг нь эргүүлж суулаа. Поп Сараагийн дуулдаг “Мөнгөн шөнө” гэж нэг их гоё дуу бий дээ.

Мөнгөн өнгөөр хорвоог цайрдаж

Тэргэл саран тэнгэрт хөвнө

Мөрөөдөх сэтгэлийг хайраар мялааж

Тэнгэрлиг чи минь зүрхэнд гэрэлтэнэ

Сайхан чинийхээ хайранд согтсон

Дурлалын сэтгэл тэртээ алсад

Сарны мөнгөн туяан дор

Дуулим хорвоо энүүхэн дэргэд…” хэмээх дууны шүлэг аль тэртээ ерээд онд гарсан “Шаналал тайтгарал” номонд нь байж байх жишээний. Гэтэл өнөө Оюун найрагч чинь “Би бол ханийнхаа дэргэд жирийн л нэг шүлэгч байхгүй юу. Манай хүнийг залуучууд ихэд хүндэтгэж надаас илүү хайртай байдагт нь би баярладаг юм. Баянтунгалагийг жинхэнэ яруу най­рагч гэж хүлээн зөвшөөрдөг хүмүүстэй би яруу найрагчийн хувьд санал нэг шүү” гэж нэгэнтээ хэлснийг нь сонсоод яасан их баярласан гэж бодно. 
Сэтгэл оюун, дотоод мэдрэмж, гэгээрлээрээ “голын цаана” гарсан хүн л ингэж боддог байх даа. Уул нь өнөөдөр чинь хэн нэгнийг тааруухан шүлэгтэй гэх юм уу, аливаа уралдаан наадамд чи өмнөхөөсөө муу шүлэг уншлаа гээд хэлчихэд өстөн болдог цаг биш үү. Хүн бүхэн өөрийгөө агуу гэж боддог, авьяастай нэгнээ хүлээн зөвшөөрч чаддаггүй, шүлэг зохиолыг нь цээжин­дээ хадгалж явахыг хүсдэггүй, цээ­жинд нь хадаатай байлаа ч бусад­тай хуваалцахыг боддоггүй цөвүүн цаг юм биш үү. (Миний бие өнгөрсөн жил “Өдрийн сонин”-доо “Болор цом”-ын тухай цуврал туурвил бичээд ойр дотныхоо зарим нэг хүмүүсээс харил­цаа тасарсан билээ. Гол учир нь тааруухан шүлэг уншсан хэмээн үнэнийг нь хэлээд тэр)

Баахан цэрвэж, барааг нь холоос харж шүлэг зохиолыг нь ойроос уншиж явсан найрагчтай аяс аясын салхинд ойртож л байлаа. Цэрэндоржийн Балдорж агсныг сүүлчийн замд нь үдэхээр салах ёс гүйцэтгэхэд санам­сар­гүй таарч “Монгол ньюс”-ийн байрнаас хамтдаа гарч ажил руу нь явсан өвлийн зэвэргэн тэр нэг өглөө санаанд тод байна. Найрагч ах аанай л хар бүрхээ духдуулж, хуучин савхин хүрэмтэйгээ явсан санагдана. Энэ тэрийг ярилцаж явах зуур

Нэг л өглөө босоход ангир зөөлөн ганганаж байдаг

Нэг л орой харьж явахад цасан цэцэг бужигнаж байдаг

Нэг л хуйсгануур өдөр оршуулгын цуваа хөдөлж байдаг

Нэг л алчуур намирах төдий нулимс ханхалж байдаг

Нэг л залуухан нүд бороо орох шиг гэрэлтэж байдаг

Нэг л сондгой жүнз болорын өнгөөр хувираад гоёмсог байдаг

Нэг л тунгалаг шөнө сар мандах нь бэлхүүс туяарах шиг үзэгддэг

Нэг л хаврын өвсөнд дүрсэн чиний хөл үзэсгэлэнтэй харагддаг

Нэг л шүлгийн номон дээр улаан навч дуссан байдаг

Нэг л манантай өдөр урдуур хойгуур алтан хараацай хэрдэг

Нэг л хуучин гүүрэн дээр шинэ охин эрхэмсэг зогсдог

Нэг л үүрийн шунхан гэгээ сал­хины бийрэнд манддаг…” гэх мөрүүд нь санаанд орж байлаа. Ялангуяа “нэг л хуйсгануур өдөр оршуулгын цуваа хөдөлж байдаг” гэдэг нь бодогдоод. Хуйсгануур гэдэг үг л оршуулгын цуваа хөдлөх өдрийг тодорхойлно доо, үг байраа олно гэдэг энэ байх гэсэн бодол бас л зурсгээд.

Нэг үе манай хоёр айл саахалт байлаа. Аравдугаар хорооллын байр­ны гадаах модон сандал дээр Баян­тун­галаг 
ах сууж байна. “Цантай чулуун дээр сандайлан шүлэг бодох сайхан сан” гэдэг мөрүүдийг нь санаг­дуул­маар өглөө бүр тийм нэг бодлого­ширсон төрхтэй сууж байна. Хөлөө хугалаад суга таягтай байсан үе л дээ. Тухайн цагт түүнтэй ойртох боломж олдсон нь мэдээж. Сүрдэж цэрвэхийн хүлээс ч цагийн аясаар тайлагдаж байлаа. 
Гэхдээ ажил албаны эрхээр санаан зоргоор уулзаж, шүлэг 
зохиол ярьж чадахгүй. Харин нэг удаа амралтын өдөр бүр нэг цаг зав гаргаж байгаад Баянаа ахтай аравдугаар хорооллын нэгэн кафед суулаа. Жүнз харшууллаа. Шүлэг зохиолоо уншлаа. Тэгтэл мань хүн “Чи золиг, муу ахыгаа тэр жил жигтэйхэн баярлуулж билээ” гээд чимээгүй болчихов. Би ч юу билээ л гэж бодлоо. Тэгтэл “Яагаав, нөгөө Эрдэнэтэд болсон “Болор цом” руу явахад галт тэргэнд чи миний шүлгүүдийг цээжээр уншаад. Баахан зохиолчдын дунд намайг чинь магтаж тэнгэр тулгаад хэлэх ч үггүй болгосон шүү” гээд бас л чимээгүй боллоо. Нэг жулдрай банди шүлгийг нь цээжээр уншаа л биз. Түүнд нэг их баярлаад, он жилүүдийн уртад цээжиндээ хадгалаад, цаг хугацааны дараа түүнээ илэрхийлэхдээ дотогшоогоо мэлмэрээд. Хэр баргийн зохиолч ийм биш дээ. Хэнэггүй өнгөрөх энүүхэнд. Гэтэл Дамдинсүрэнгийн Баянтунгалаг гэж эмзэг уяхан хийл шиг эл эр үнэхээр л өөр юм байна, өчүүхэн зүйлийг ч утга төгөлдрөөр боддог юм байна гэдгийг мэдэрсэн сэн.

 

III.

Нээрээ ингэхэд, түүний шүл­гүүдийг би хаа явсан газраа уншдаг. Хамгийн тод санаж буйгаар баруун Алтайг зорих замд, ялангуяа Аж Богдын ханарсан нуруудын дэргэд солонго шиг гэрэлтэн байхдаа уншиж “Энэ хүний яруу найраг 
надад ямар нэгэн байд­лаар нөлөөлсөн юм шүү” гэдгийг аяллын бүрэлдэхүүнд явсан Д.Уриан­хай, А.Эрдэнэ-Очир, Лхагвасүрэнгийн Батцэнгэл, Шаравын Батжаргал, Мөнхөөгийн Билэгсайхан тэргүүт найрагчдад дуулгаж билээ. Баруун Алтайн дүнэгэр уулс Баянтунгалаг найрагчийн шүлгүүдийг хоёр мянга найман оны наймдугаар сарын тэргэл өдрүүдэд тэгж сонссон буй.

Намрын усан бороотой энэ өд­рүүдэд түүний “Зэлүүд сарны галбир” гэж яруу найргийн шинэхэн бүтээлийг уншаад тийм гэж хэлэхийн аргагүй сэтгэлийн баярыг эдэлж сууна аа. “Зэлүүд сарны галбир” яруу найргийн дөрөв дэх туурвил нь байх шүү. Дээр “Үгийн эгшиг”-ийн тухай өгүүлсэн. Эл хоёр бүтээлийн дунд “Амраг улирал”, “Үймээнт салхины хэлбэр” гэсэн 
яруу найргийн хоёр сайхан морьд бий. Шинэ номын нь шүлэг бүрт оюун бодол, зүрх сэтгэл минь тэр чигээрээ уусч, үг бүрийнх нь увидаслаг чанар соронзон гүүр мэт татаж олоон жил хүсэн мөрөөддөг сэтгэлийн зүрхний андтайгаа дарс хундагалсан шигээ суух шиг тийм л мэдрэмжийг шүлгүүд нь төрүүлж байв шүү.

Ундуй сундуй ойчсон

Улаан тэргэл өвсөн дунд

Уугаад шидчихсэн дарсны лонх

Уйтгарын салхи лимбэдээд…” “Улаан тэргэл өвсний шивнээ“,

Цасан будрахад би бас бударна

Цагийн цагт ийм л байсан

Дарс гэрэлтэхэд би бас гэрэлтэнэ

Дараа нь тэгээд алтанхан жүнз болно

Өвс давалгаалахад би бас давалгаална

Өмнийн уулсын хувилгаан чанарт урвана

Саран дүүрэхэд би бас дүүрнэ

Санчигны мөнгөн хяруу болно

Бороо зүсрэхэд би бас зүсэрнэ

Болор лааны санаа алдалт болно

Сэтгэл ханхлахад би бас ханхална

Сэрүүн зүүдний сүмийн галбир болно…”,

Нүдгүй цасан шуурганд

Нүдүүлэн балбуулсан ч

Гоёлын даашинзтай бүсгүй шиг

Гоо үзэсгэлэн нь хэвээрээ байдаг

Хэрцгий зуунуудын хатан тэсвэр

Хээр тал нутаг минь

Яагаад би чиний тухай

Яруу найраг бичээгүй юм бол

Зөндөө их чамайг

Зөвшөөрөлгүй туучиж

Алтанхан жүнзэт дарсыг

Амрагийн уруул шиг шимж

Шал согтуу явахад минь

Шартуулж нэг ч удаа хонзогноогүй

Эр нөхөр минь

Эс бүхний сэргээш минь…” “Хээр тал“,

Шинэ уулын цас тунарсаар бурхны өлмий болно

Шилдэг залуу охин гэрэлтсээр нарны мэлмий болно

Халиун талын өвс бөхөлзсөөр сарны бийр болно

Хавар хаврын шувууд зэллэсээр тэнгэрийн сормуус болно

Бүгээн морьтой хүн шогшуулсаар үлгэр домог болно

Бүрэнхий үдшийн хаяанд нэгэн даашинз сүрчигнэсээр бороо болно

Данзангийн Нямсүрэн бид хоёр Эрээнцав, Ачуутын голдоо хувилгаан болно

Дараа оны нэгэн  өдөр хурмастын үүл сүм болно

Дорнын гэгээ салхилсаар маанийн эрих болно

Дотор сэтгэлд тарнийн мутар үзэгдэж судар болногээд шүлгүүдээс нь бичээд байвал бичээд л баймаар. Бүхий л шүлгийг нь энэхэн бичил туурвилдаа багтаачихмаар   

“Зэлүүд сарны галбир”-ыг уншиж дуусаад баяр хөөртөө автаж, дотоод сэтгэлийнхээ долгионоор эрхэм най­рагч­тай холбогдохуйд “Чамайг ингэж мэдрэх болов уу гэж ах нь бодож суулаа” гэсэн нь юу юунаас илүүтэй том шагнал байсан даа. 

Д.Баянтунгалаг бол нэгэн өвөрмөц, давтагдашгүй ертөнцийг үүсгэж түүн­дээ хувилгаан чанарыг олж хүмүүний амьдралыг тунгаадаг, сэрэл мэдрэм­жийнхээ хамгийн эмзэг нандин цэг дээр алчуур шиг намирч, суль өвс шиг ганхдаг тийм л торгон найрагч. 
Цаг үргэлж Ачуутынхаа голыг санагалзан, цаг улирал хэрхэн солигдож буйг дотоод мэдрэмжээрээ хүлээн авч, хэн нэгнийг үгүйлэн гансарч тэгээд л сүүрс алдсан сэтгэлийнхээ хөндүүрээр шүлгээ бичдэг болов уу. Тийм л хөндүүрхэн зүрхнээс тасарсан түүний шүлгүүд он жилүүдийн ааг амьсгалыг өөртөө шингээж, уралдааны морьд шиг гарч ирсэн утга зохиолын үе үеийнх­нийг ямар нэгэн зүг рүү дуудан дал­ла­даг биз ээ.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Сандагдоржийн ООНОН ХАР

Нэгэн мянга
есөн зуун ерэн долоон оны наадмын азарганы уралдааныг уяа моринд ойр бай­даг хүмүүс
сайн санаж байгаа. Тэр жилийн наадамд Монгол Улсын тод манлай уяач Данзаннямын Даваахүү
зул хонгор азаргаа тү­рүү­лүүлэх бодолтой сойжээ. Тод манлайн уяан дээр хонгор азарга­наас
гадна ерэн дөрвөн оны наад­мын “түмэн эх” цолмон халтар, өмнөх жилийнх нь наадамд
түрүүл­сэн Г.Батхүүгийн толин хул, Өндөр гэгээн Занабазарын 360 жилийн ойн Есөн
зүйлийн даншиг наа­дамд түрүүлсэн М.Зоригийн хүрэн, Төв аймгийн Баян-Өнжүүлийн Ц.Эрдэнийн
хонгор зэрэг дөрвөн лут азарга сойгдсон байдаг.

Тэдгээр
дөрвөн азаргыг ганцхан азаргатай уралдуулах гэж сойжээ. Зууны манлай уяачийн хараанд
өртсөн тэрхүү ажнай бол Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул, алдарт уяач Ц.Сан­даг­доржийн
оонон хар азарга юм. Оонон харыг ерээд оны дундуур зүүн зүгээс тодорсон гойд хурдан
хүлэг хэмээн зартай уяачид хий­гээд морь судлаач олон нэгэн дуугаар үнэлдэг билээ.
Ерөнхий­дөө Х.Сү­рэн­хорын алдарт хээр азарганаас хойш Хэнтий нутгаас төрсөн тэнгэрийн
хүлэг юм даг уу даа.

Тэрээр
төрийн их баяр наа­дамд ганцхан удаа ирж уралдахдаа бас л шуугиан тарьсан түүхтэй.
Ямар сайндаа Даваахүү уяачийн “Өн­дөр зул”-ыгаа түрүүлгэх “хар хайрцаг”-ны бодлогод
нь өөрчлөлт оруулж, тун ихээр  сандаргасан
бай­хав дээ. “Өнөө жилийн наадамд Сандаг­доржийн оонон хар ирэх юм гэнэ ээ” гэж
баттай сураг сонс­сон тод манлай дөрвөн азаргаа дөр­вөн өөр төлөвлөгөөгөөр, чанд
нарийн судалгаатай бэлдсэн гэдэг шүү.

Ерэн долоон
оны наадмын хуучаа дахиад сөхье. Их сунгаанд хар азарга торох юмгүй л түрүүл­жээ.
Даваахүү уяач тэрхүү сунгаанд өөрөө ирсэнгүй. Өнөө хэдэн лут амьтдаа ч уралдуулсангүй.
Илч довтолгож, оонон харыг шин­жүүлэн, нууц төлөвлөгөөгөө дахин сайтар нягталсан
байгаа юм. Ингээд наадам эхэлдгээр эхэлж, Элбэг хээр, Идэр хээр тэргүүт домогт хүлгүүдийн
угсаа хурдан азарганууд гараанд гарчээ. Ц.Сан­дагдорж уяач аавынхаа захис­наар,
морины комиссынхноос гуйж байгаад машинд нь суугаад авсан байна. Хар азарганыхаа
давхилыг анзаарах гэж тэр.

Үе үеийн
хурдан буянуудын хөлс шингэсэн алтан зурхай дээрээс азарга эргэж, удаа ч үгүй шар
цамцтай хүүхэд унасан хар азарга хошуу өлгөн түүчээлсэн нь алдарт оонон хар байсан
ажгуу. Эзэн нь барааны газраас таньж, хамт яваа хүмүүстээ дуулган, хөөрч догдолсондоо
машины цон­хоор үсрэх дөхсөн нь мэдээж. Хар азарга өнгөлсөөр Алдар толгой тойрон,
Айдасын хүр өөд өгсөхөд, морины комиссынхон Сандагдорж уяачид хандан “Хүүхдэдээ
хэл хүргэ, азарганыхаа амыг татуул, жолоог нь арай л эрт сул тавиад байна” гэхэд,
миний хар сууна ч гэж ярихгүй гэж далбайсан том нудар­гатай тэрлэгээ улам хөөргөн
ом­горхсон гэдэг.

Айдасын
даваа уруудахад өнгөлж явсан хар азарган дээр Даваахүүгийн түмний эх цолмон халтар
зуузай холбон ирж, нэг хэсэгтээ л “урж” өгчээ. Тэгсгээд цолмон халтар суусан байна.
Хамаг байдгаа гарган, хар азарга­ны хурдыг жаахан сааруулж үүргээ гүйцэтгэсэн нь
тэр. Удалгүй Батхүү­гийн толин хул оонон хар дээр салхи адил хүүгэн ирж бас л багагүй
хугацаанд хурд хуваан уралджээ. Толин хул бол бариа ойртох тусам газрыг эвхэж өгдөг,
аварга амьтан л даа. Хар азарга ч тэнийтэл сайхан харайж байна гэнэ. Буянт-Ухаагийн
буурал дэнжээд өгсөх мөчид толин хулын хүүхэд жолоо­гоо татаж, янз нь хойноос ирэх
дараагийн азаргаа хүлээв гэнэ шүү. Тэр нь Өндөр гэгээний дан­шигт түрүүлж шуугиан
дэгдээсэн Бямбашижээгийн хүрэн азарга. Төв аймгийн Эрдэнэсантын адуу шиг санагдана.
Уг азаргыг Их хурлын гишүүн асан М.Зоригт мөнгө хатуу байхад таван саяар худал­дан
авч, хурдан адууны үнийг тогтоож байсан удаатай. Хар азар­гыг араас илдэж барьсан
хүрэн азарга зуузай холбон нэлээдгүй зовоосон байгаа юм.

Тэр даруйд
“Дүүгийн оонон хар ч түрүүлэх нь баталгаатай боллоо” хэмээн баяр хүргэж байсан олон
эргэлзэж эхэлжээ. “Энэ нэг л биш болоод явчихлаа. Даваахүү ман­лайн уяаны азарганууд
ээлж дараа­лан ирж зуузай холбоод байгаа нь цаанаа учиртай” гээд сая л нэг хар авсан
аж. Сандаг­дорж бол дотроо “Миний оонон харын өмнө өнөөдөртөө гишгэх адуу байхгүй
ээ” гэсэн юм л бодож, магнай нь тэнийгээд байсан  нь гарцаагүй. Зоригийн хүрэн хар азарга уралцаж
байх зуур хойноос хоёр хонгор азарга зуузай холбон ширүүхэн дайрч, зул хонгор нь
өнгөлснөөр тэр жилийн наадмын азарганы түрүү тодорсон гэдэг ээ. Д.Даваахүү гуай
ингэж л тэр жилийн наадамд Сүрэнхорын хээр шигээ холоо түрүүлэх Хан Хэнтийн босоо
хар азаргыг аман хүзүү­дүүлж, зул хонгороо түрүүлгэн, толин хулыг гуравт, Баян-Өнжүү­лийн
Эрдэнийн хонгорыг дөрөвт, Зоригийн хүрэнг тавд давхиулсан байдаг аа.

Оонон харын
төрийн наадамд уралдсан түүх ийм буюу. Хар азар­гыг том жижиг бүх уралдаанд нэг
л уяагаар гардан сойсон уяач нь Сандагдоржийн эцэг Цэрэндондог гуай. Тэрээр Дэлгэрхааны
унаган нэгэн бөгөөд арван хэдхэн наснаа­саа л морь уяж эхэлсэн юм гэнэ лээ. Оонон
хар сумын наадамд бага дөрвөн насандаа айраг түрүү хүртэж байгаад хавчиг азарга
аймгийнхаа далан жилийн ойд тасархай түрүүлсэн байдаг. Хар азарганы эх тал нь Дэлгэрхааны
Жүнгийн адууных. Бүр дээд угшил нь Галшарын оонон харын удамд хамаардаг гэдэг. Харин
эцэг тал нь төрийн наадамд гурав түрүүлж, дөрөв айрагдсан Даваанэрэн на­чингийн
алдарт халзан азарганы угшилтай аж.

Ийм л нэг
хурдан буян ерээд оны сүүл үеэр моринд хайртай монгол түмний сэтгэлд хадаатай явсан
даа. Хардэл жанжин бэйс өвгөн ноён Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн уралдаан Хан
Хэнтий нутагт анх зохиогдоход оонон хар түрүүлж, олны баяр бахдалыг хүлээж байсан.
Тэр бол ерэн долоон он юм. Төрийн наадамд ирж уралдан аман хүзүүдсэнийхээ дараахан
зүүн бүсийн наадам түрүүлсэн удаатай. Үндсэндээ давхар уяагаар сойгдож, нутгийн­хаа
тэнгэр дор манлайлан өвгөн уяачийнхаа нулимсыг олны өмнө унагасан байдаг аа. Түмэн
олон шагшиж, түрүү азаргыг бүчээд авах ахуйд Хөхийн Сүрэнхор гуай олны дундуур зүсэн
орж ирээд оонон харын хөлснөөс магнайдаа хүргэн, босоо хээрээс минь хойш өвгөн ноёны
нутагт босоо төрсөн хүлэг энэ мөн байна гэж сэтгэл догдлон өгүүлсэн түүх бий.

1998 онд
эртний нийслэл Хар­хоринд Монголын шигшмэл хур­дан хүлгүүдийн “Их хурд” наадам анх
удаагаа зохиогдсон билээ. Газар газрын шигшмэл хурдан хүлгүүд нэгэн дор цуглаж,
хурд, хүчээ сорьсон тэрхүү уралдаанд Сандагдоржийн хар азарга Хан Хэнтий нутгаасаа
ирсэн байв.

Орхон голын
хөвөөнд Мон­голын зартай уяачид асар майхнаа зоон, уяа цэрэв татаж, түмэн эхүүдээ
сойсон нь мэдээж. Тэдгээр ажнай хүлгүүдийн дунд хар азарга аргагүй нэг ялгарч байж.
Зурсан, зорсон юм шиг уяан дээрээ живх­рэн байсан ажгуу. Ер нь хар азар­гыг биеийн
ерөнхий хийц сайтай, толгой уран, дахиад ховор л төрөх ганган сайхан ажнай байсныг  нүдээр үзсэн хүмүүс бахархан өгүүлдэг юм аа. Давхил
нь бол ч намар оройн тэнгэрт салхины аясаар нүүж яваа үүл шиг л газрыг ууж өгдөг
байсан гэдэг шүү. 

Анхны
“Их хурд”-д Хэнтийн аймгийн Дархан сумын уугуул, алдарт уяач У.Буяндэлгэрийн жинст
хонгор азарга түрүүлсэн. Уг азарга өвгөн ноёны наадамд аман хүзүүдсэн юм. Оонон
харын ард давхисан гэсэн үг. “Их хурд”-ын азарганы аман хүзүүнд Сүхбаа­тарын Уул
баянгийн Шагдарын хул, гуравт Төв аймгийн Лүнгийн О.Жамьяндоржийн буурал духт хүрэн,
дөрөвт манлай уяач Г.Бат­хүүгийн толин хул, тавд Ц.Сандаг­доржийн хар азаргууд давхиж,
аргагүй л хурдан буянууд гэдгээ нотлон харуулсан билээ. Их насанд Төв аймгийн Угтаалцайдам
сумын уугуул, Ш.Лхүндэвийн хон­гор магнайлан, аман хүзүүнд ман­лай уяач Г.Батчулууны
төрийн наадмын түмэн эх болж байсан зээрд халзан, гуравт мөн манлай уяач Партизаны
гэгдэх Цоогийн Доржсүрэнгийн аварга хээр давхин олон түмнийг баярлуулж байсан нь
саяхан даа.

Ямар ч
наадамд явна, хүүгийн­хээ дэргэд байж өмөг түшиг болдог Цэрэндондог уяач оонон харын­хаа
алтан тэлүүр магнайг илбэнгээ “Монголын шигшмэл хурдан хүл­гүүд тоосоо өргөхөд айрагдлаа.
Өвгөн ноёны хишиг хүртсэн өндөр заяат адуу гэдгээ моринд хайртай монгол түмэндээ
харууллаа. Ча­маас үүнийг л хүсч байсан. Одоо л миний сэтгэл амарч, энэ олон жил
хүлэг морьдын тоосонд явсныхаа хэргийг бүтээлээ” гэж дуу алдсан байдаг шүү. Уяач
эзэндээ бурхнаас заяагдсан хэмээн гарцаагүй ойлгог­дохоор хүлэг гэдэг тийм л үнэ
цэнтэй хийгээд нэгэн насных нь баяр баясгалан, хайр харуусал, утга төгөлдөр амьдрал
нь болдог буюу.

Энэ цагийн
лидер уяачдын дурсамж дурдатгал, яриа хөө­рөөнд ямар нэгэн байдлаар дур­сагдаж,
мөн ч сайхан буян байсан шүү хэмээн хайрлагддаг, өвгөн ноёны нутгаас тодорсон гойд
хурдан хүлгийн тухай цухас өгүү­лэхэд ийм байна. Дундговийн Эрдэнэдалайн Гомбо-Очирын
саарал, Завханы Дөрвөлжингийн Туяагийн халиун, Увсын Өндөрхангайн Дамдингийн хээр,
Сэлэнгийн Зүүнхараагийн Ган­баатарын манхан халзан тэргүүт их морьд хийгээд Сандагдоржийн
хар азарга шиг идэрхэн ажнайнууд хөдөөнөөс ирж, төрийн наадамд бяр заан уралдан,
тод манлай уяачдын зүрхэнд шар ус хуруулах болтугай гэх ерөөлийг өргөе.

Н.ГАНТУЛГА