Categories
редакцийн-нийтлэл

Баяраар үнэ нэмэх биш хямдардаг бусад улсын жишгийг дагадаг болох сон

Энэ сарын 29-нд буюу маргааш эзэн
Чингэсийн төв талбайд Монголын хамгийн том хямдрал болох гэж байна. Нийслэлийн
374 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Их хотын
хямд­рал”-ыг зохион байгуулж буй юм. Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч ард
иргэдийн ахуй амьдралд шууд нөлөөлөх болсон өнөө цагт их хямдралын өдөр тохионо
гэдэг хэн бүхэнд сайхан дуулдах нь мэдээж. Үүнийг бичигч миний бие нийслэлчүүдийнхээ
ижил маргаашийн гэрэлтэй өдрийг хүлээж л байна.

“Хар мягмар гариг” гэж манайхан нэрлэсэн
байна лээ. Тиймэрхүү мэдээлэл гадуур яваад, нэгнээс нэгэнд дамжаад байгаа. Юуных
нь хар өдөр байх вэ дээ. Харин ч эсрэгээрээ ард олныг баяр­луулсан гэрэл гэгээтэй,
аз жаргалын өдөр бус уу. “Хар мягмар гариг” гэсэн нь гад­ныхантай холбоотой л доо.
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад баярын үеэр, ялан­гуяа “Зул сар” зэрэг томоохон
баяруудын үеэр бараа бүтээг­дэхүүний үнэ манайх­ны хэлдгээр салам хямдарч, ард иргэдээ
давхар давхар баярлуулдаг. Түүнийгээ “хар баасан гариг” гэж нэрлэдэг шиг санагдана,
тийм зүйл дуулдаад байдаг. Монгол Улсын хувьд, нийслэл хотынх­ны хувьд дахин хэлэ­хэд
энэ бол хар өдөр биш юм аа.

Улаанбаатар нийслэлийн төрсөн өдрөөр
тохиож буй уг хямдралтай холбогдуулаад бодоход монголчууд бид чинь баярынхаа үеэр
яадаг билээ. Гадны улс орнууд шиг салам хямдралыг зарлах биш ха­рин эсрэгээрээ бараа
бүтээг­дэхүүнийхээ үнийг тэнгэрт тултал өсгөж орхидог. Өргөн хэрэглээний бараа болоод
хувцас хунар, ахуйн эд зүйлс бүр дааж давшгүйгээр үнэтэй болох нь үнэндээ халшир­маар.
Баяр болох дуулиа­наар тийнхүү үнэ нэмэгддэг нь бүр чиг зэвүүн. Ийм нэг гаж тогтолцоо
Монголын нийгэмд бичигдээгүй хууль болж хичнээн жилийг ардаа орхив доо. Түүний
“үр дүн”-д ард түмэн ядарч туйлдталаа доройтон цагаан сар, шинэ жилийн дараа зарим
айл өрх талхны мөнгөгүй, сургуулийн хүүхдүүдэд өгөх автобусны мөнгөгүй, худгаас
усаа авах бутархай ч мөнгөгүй болдог нь гашуун үнэн юм. Ингэж баяр гэдэг ойлголт
энгийн иргэдийг нухчин дарлаж, арилжаа наймаа эрхэлж буй нэгнийх нь түрийвчийг түн­тийлгэж
орхидог болсоон. Тиймдээ худалдан авагчид ээлж дараалан болж буй баяр цэнгүүнийг
хүсдэггүй, хүсмээр зүйл ч биш байгаа биз дээ.

Мэдээж монгол түмний уламжлалт сар
шинийн баяраа хөөрцөглөн хүлээхгүй хэн байх билээ. Айл өрх дор бүрнээ бэлтгэж, уламжлал
ёсоороо урд хормойгоор хойд хормойгоо нөхөөд ямар чиг байсан болгоод л давдаг. Цагаан
сараар золголт хий­гээд ирсэн хүнд гарыг нь цайлгах бэлэггүй, ул боовоор идээ засаагүй,
том жижиг нь хамаа алга гэхэд ууц тавиагүй айл байдаггүй. Түмэн олны энэхүү сэтгэл
зүй дээр худалдаа наймаа эрхэлж байгаа нөхдүүд ёстой нэг дураараа наадна даа. “Чи
бид хоёр баярын энэ үеэр авахгүй хаачдаг юм” гэх шиг давилуун зан гаргахыг нь яана.
Аманд орсон үнээ хэлж тохуурхах нь бий. Шинэ жил болоод бусад баяруудаар ялгаагүй
ийм  байдал хот хөдөөд давтагддаг. Тэгэхээр
худалдаа наймааны энэ бай­далд одоо төр засаг анхаа­рах цаг нь иржээ. Хууль гар­гаж,
дүрэм журам ярьдаг болмоор байна. Нэг нэгнээ шулж ирсэн арилжаа наймаа­ны зах зээлд
нэлэнхүй том цоорхой байна гэдгийг эрх биш анзаардаг байлгүй дээ, манай хууль тогтоогчид.

Гэхдээ “Нарантуул” захаас таван төгрөгийн
хямд авсан бараагаа хүнсний дэл­гүүрт хэдэн төгрөг нэмээд зарж буй иргэдэд зориулж
хууль дүрмээ гарга, тэднийг хяна гэж байгаа юм биш шүү. Өнөөдөр манайд брэнд хув­цасны
дэлгүүр нэртэй арай дэндчихсэн, дэлхийд байхгүй үнэ өөрсдөө дур мэдэн тог­тоочихсон
худалдааны тө­вүүд байна. “Наран”, “Номин”, “Харбүргэдэй” гээд олон газ­руудыг нэрлэж
болно. Эдгээр худалдааны төвүүд гаднаас авчирсан барааныхаа үнийг 100 дахин өсгөөд
монгол­чууд­даа зарж байна гээд бод доо. 100 дахин өсгөлөө гэхийг сонсоод зарим
нэг нь арай ч даваадуулж байна уу даа хэмээн ойлгож  магад. Гэвч үнэн юм. Лондон зэрэг хотуу­дад баярын
үеэр хямдарсан  костюм пиджак манайхан доод
тал нь нэг сая төгрөгөөр зардаг. Тэнд арван паундын үнэтэй пиджак энд ирээд сая
гаруй төгрөгийн үнэтэй болдог гэвэл яах уу.

Брэнд хувцасны дэлгүүр гэхээр “баячууд
нь л ордог юм байгаа биз. Тэд хэчнээн төг­рөгөөр юугаа авах нь маньд падгүй” гэх
хүмүүс бас бий. Ер нь ч манайхан тэгж бодсоор ч ирсэн. Тэгвэл энд нэгэн то­моо­хон
зүйлийн үзүүр гогцоо байгаад байна. Үндсэндээ Монголын нийгмийн болж бүтэхгүй байгаа
зүйл, ард иргэдийн нуруун дээрх дааж давшгүй ачаа эндээс эхлэл­тэй гэвэл хэн хүнгүй
гайхах байх. Үүнийг бидний амьд­ралд өдөр бүр давтагдаж байгаа тодорхой жишээгээр
тайлбарлаж хэлье л дээ.

Ухаандаа, рестораны эзэн залуу “Ханбүргэдэй”-гээс
костюм худалдаж авъя гэж бодъё. Мэдээж 100 дахин нугалсан үнээр нь буюу сая гаруй
төгрөгөөр худалдаж авна. Мань нөхөр санаанд багтамгүй үнэтэй костюм авсандаа уурлаж,
өөрийнхөө аргыг хэрэглэнэ. Тэр нь ойл­гомжтой, рестораныхаа хоол­ны үнийг нэмэх.
Рестораны хоолны үнэ хоёр дахин нэмэгдсэнийг мэдсэн бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчид
мах, гурил, ногооноос аваад тухайн ресторанд нийлүүл­дэг бүхнийхээ үнийг нэм­чихнэ.
Ийм л хаана хаанаа үнэ нэмсэн гинжин урвалын тогтолцоо энгийн иргэдийн нуруун дээр
ирж, Улаан­баа­тар хамгийн өндөр өртөгтэй, хүн амьдрах эцэсгүй хот болж хувирсан
юм. Эл бүгд юунаас үүсэв гэхээр брэнд бүтээг­дэхүүн гэх халхавчтай хэд­хээн худалдааны
төвүүдийн эзний шунаг шунахай сэтгэ­лээс үүсч байгаа хэрэг шүү дээ.

Тиймийн учир гадны хотуудын хямдарсан
бүтээг­дэхүүнээс багц багцаар нь аваад Монголд ирэнгүүтээ 100 дахин өсгөн худалдаалж
буй энэхүү “шуналын сис­тем”-д  хууль дүрэм
шаардла­гатай болсныг миний бие сануулаад буй юм. Хэт өндөр үнэтэй бараанаас гэнэтийн
ашгийн татвар авдаг ч юм уу, тийм байдлаар хуульчилж өгөх хэрэгтэй. Наймаа хийж
буй хүмүүс мэдээж бараа­ныхаа үнийг нэмэлгүй яахав, ялангуяа брэнд бүтээгдэхүү­нүүдэд
тогтоосон жишиг гэж байлгүй яахав, түүнийг сайтар ойлгож байна. Гэхдээ 100 ба түүнээс
дээш өсгөнө гэдэг дэлхийн хаана ч байхгүй жишиг шүү дээ. Үүний “үр дүн” өнөөгийн
Монголын нийгэм, нийслэлчүүдийн маань ахуй амьдрал биз дээ. Гадныхан амьдрах эцэсгүйг
нь гай­хаад, олон улсын байгуулла­гууд хамгийн өндөр өртөгтэй хот гэж зарлаад байгаа
нь аргагүй. Энэ юунаас эхтэйг  дээр дурдсан.
Хэдхэн наймаа хийдэг хүмүүсийн л шуналтай холбоотой.  Харин бид 
үнийн хатуу буулгандаа үнэндээ дасчихаж ээ.

 Энэ байдлыг төв талбайд маргааш болох  супер хямд­рал эвдэх бололтой. Уг үйл явдал ёстой
“загатнасан газар маажна” гэгч боллоо. Баяр бүхнээр бараа бүтээг­дэхүүний үнэ нэмэгддэг
биш олон улсын жишгээр салам хямдарч ард иргэдээ баяр­луулдаг тогтолцоо руу орох
цаг хэдийнэ  болжээ. Үүнийг гадагшаа дотогшоо
явж нүд нээгдсэн хүмүүст “Их хотын хямдрал” хэлээд байна шүү дээ. Маргааш болох
хямд­­ралаа зөвхөн нийс­лэлийн­хээ төрсөн өдрөөр гэж явцууралгүй баяр болгонд зарлаж
эгэл жирийн иргэдийнхээ нурууг жаахан ч гэсэн амраая. Дээр дурьдсан хуульд  баяраар хямдрах журам, импортын барааг төдөөс
дээш нугалсан байвал мөн баярын хямдрал үзүүлээ­гүй бол, татвар өсгөх тухай гэх
зэргийг багтааж өгөх хэрэгтэй байна.  Ингэж
монголчууддаа аз жаргал, амьдралын сайн сайхныг бэлэглэе. Бид яахлаараа заавал ийм
өндөр өртөгтэй амьдрах ёстой юм бэ. Арваад мянган төгрөгөөр ганцхан хэл мах аваад
гэр дүүрэн бужигнах хүүхдүүддээ  хоол хийн
суух аав ээжүүд энэ өдөр яана гээч. Их хотын хямдралд “Махмаркет”-ын­хан 50 тонн
мах зарахаар бэлдэж байна, цаана чинь. Нэг килограмм хонины мах ердөө гурван мянга
гаруйхан төгрөг дуулдана. Ёстой нөгөө “хоосон түрийвтэй очсон ч хонины махтай буцна”
гэдэг чинь энэ болж байна даа. Бид баярыг ингэж баяр болгож сурахгүй бол баяраар
“хосоо шувтруулна”  гэгч болоод дуусах нь
үнэндээ гунигтай.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Залуусыг манлайлагч

Монголын
залуучуудын хол­боо­ны дэргэдэх Хөдөлмөрийн төв биржийн захирал Болдбаатарын Эрдэнэбатыг
“Өдрийн зочин” булан­­даа урилаа. Залуу хүний цог жавхлан, дайчин эрэмгий чанар
нэвт шувт ханхлуулж, бүтээн цогц­лооно гэх эрмэлзлээр залуусаа түүчээлэн хошуучилдаг
эл эрхэм сүүлийн үед Монголын нийгэмд тодроод байгаа юм. Шинэчлэлийн Засгийн газрын
гол бодлого нь “Ажилтай, орлоготой монгол хүн”. Энэхүү гол тэнхлэгийн хүрээнд олон
ч иргэн ажил төрөлтэй болж улс орны амьдрал буцлахдаа буцалж, урагшилж давшилж,
хөг­жиж дэвшиж л байна. Б.Эрдэнэ­бат Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирлаар
ажиллаж эхэлснээр улс орны ирээдүй бол­сон залуусыг нэгэн дор зангидаж, эх орны
бүтээн байгуулалтад гар бие оролцуулж байгаа.

Өнгөрсөн
зун намрын саруудад “Оюутнууд хөдөө илгээлтээр явж байна, тэр тэр байгууллагад ца­линтай
ажилд шамдлаа, Оюутол­гойн бүтээн байгуулалттай танилц­лаа, Хэнтий, Төв аймгийн
сумдад хашаа хороо барьж байна” гэх мэдээллүүд өдөр бүр цацагдан, нөр их ажлын амтанд
орсон залуу­сын хөлс дуслах мөчүүд, улс орны­хоо хөгжилд гар бие оролцож яваа дүр
зураг нь ард иргэдэд хүрч, нас тогтож яваа эрхмүүд хуучин цагаа, залуу идэр насаа
дурсаж эхэлсэн нь нууц биш юмсан. Ухаандаа, тариан талбай дээр ажиллаж байсан цаг
үе нь бодогдож, ногоо хураалтаар явж байсан наяад оны намрын дурсамжууд нь сэдэрч
байсан болов уу. Үүнийг өгүүлсний учир Залуучуудын хөдөлмөрийн төв бирж одоогийн
байдлаар гурван мянга гаруй залуусыг ажлын байраар хангаж, Монголын залуу үе хөдөлгөөнд
орж эхэлснийг хэлэх гээд байна л даа.

Б.Эрдэнэбат
захирал “Хөдөө нутагт ажиллаж байгаа залуусаа эргэж очих шиг сайхан зүйл байдаг­гүй.
Тэдний эрч хүч, эрмэг зоримог байдал өөрийн эрхгүй дотоод сэтгэлд тийм гэж хэлэхийн
аргагүй хүч нэмэх шиг болдог. Дээр нь тухайн байгууллага болоод аймаг, сумдын удирдлагууд
залуусаар минь бахархаж, “Монголын төр засаг, залуучуудын байгууллага ийм л ажил
эртнээс хийх байсан юм аа” хэмээн өгүүлэхэд нь үнэн­дээ бахтай санагддаг аа” гэж
хэлж байна. Нээрээ чиг тийм шүү, залуу­чуудын байгуллага маань нэг хэсэг залуусаа
улс төрийн нам дагаж “золбин” байдалд оруулан ам­бийц­тай, хэнээрхэлтэй, зүгээр
нэг эх орон, ард түмэн минь хэмээх хий хоосон уриа лоозонгоор амьд­руу­лагч болгон
амьдаар нь булшилж орхисон тал бий. Харин өнөөдөр ажилтай, орлоготой ирээдүйн төлөө
ирмүүн хүсэл тэмүүлэлтэй болгож байна. Үүнд л эл өдрийн зочны маань үнэ цэнэ орших
ажгуу.

Тэрээр
нэг хэсэг нам мам гэж баахан давхисан гэж байгаа. Залуу хүний итгэл үнэмшлээрээ
Ардчил­сан намын гишүүн болж, улмаар Булган аймагт намынхаа Үндэсний зөвлөлдөх хороонд
нэр дэвшин манаргаж явсан удаатай гэнэ. “Их хурлын гишүүн асан Ямааранзын Эрхэмбаяртай
үзэж байлаа ш дээ” гээд инээж байсан. Намын гишүүний хувьд ч юм уу, ерөөс ажил төрлийн
шугамаар ч юм уу, бүү мэдээ, ямар чиг байсан хорин хэдхэн настай залуу Чин­гэлтэй
дүүргийн Нийгмийн даат­галын хэлтсийн орлогч даргаар томио­логдон ажиллаж байсан
байна. Ингээд тэрээр залуу хүн сурч бо­ловсрох нь хамгаас чухал гэдгийг ойлгоод,
их эрт намд орох нь хий хоосон хэнээрхэхээс хэтрэх­гүй, хэн нэгний гар хөл болж
л улс төрд гарч ирнэ гэдгийг мэдэрсэн учир гадаг­шаа сургуульд явжээ. Солонгост
төрийн захиргааны удирдлагын чиглэлээр суралцан, Монгол Улсын их сургуульд улс төр
суд­лалаар магистрын зэрэг хамгаал­сан дээрээ тулгуурлан харийн нутагт докторын
зэрэг хамгаалжээ. “Залуу идэрхэн насан­даа гадаг­шаа явж суралцах нь юунаас ч эрхэм
юм билээ. Хувь хүний үзэл бодол харийн нутагт маш өөрөөр төлөвшдөг юм билээ. Бид
чинь Монголдоо байх юм бол хэн нэгнээ үргэлж доош хийсэн, хий хоосон цэцэрхсэн хүмүүс
л байдаг юм билээ ш дээ. Тэгээд сурч болов­сорсон юм байхгүй, нэг л амбийц­тай улс
төр хөөсөн, төр засгаа муулсан хүмүүс байдаг юм билээ” гэж үнэхээр л гадагшаа явж
галуу шувууны мах идээд ирсэн боловс­ролтой хүний үгээр хэлж байсан даа. Болдбаатарын
Эрдэнэбат эхээс хоёулаа гэнэ. Айлын том хүү, дороо нэг эмэгтэй дүүтэй ажээ.
2005 онд Монгол Улсын Их сургуулийг газрын менежмэнтийн чиглэлээр төгссөн байна.
Оюутан байхын л нийгмийн идэвхтэй, аливаа асууд­лыг арай нэг өөр өнцгөөс хардаг,
үзэл бодолдоо тууштай, хэний ч өөдөөс үг хэлчихдэг хэгжүүхэн нөхөр байж. Их сургуулийн
Оюутан конгрессийн даргаар ажиллаж, мянга мянган оюутнуудын итгэлийг хүлээн, сарын
төсөв нь бас ч үгүй томоохон мөнгө дуулдаж байх үед, тийм л эрх мэдэлтэй байсныг
үе үеийн төгсөгч анд нар нь дурсдаг юм билээ.

Гадаадад
сургууль төгсч, док­торын зэрэг хамгаалаад ирсэн түүнийг Монголын залуучуудын холбоо
итгэл хүлээлгэн Хөдөл­мөрийн төв биржийнхээ захирлаар томилсны үр дүн нь одоогийн
байдлаар 3000 гаруй залуус ажилтай, орлоготой болоод буй­гаар хэмжигдэж байна.
“Гадаадад сурахын зэрэгцээ ажиллаж хэдэн төгрөг цааш хийсэн юм. Түүнээс төсвийн
байгууллагад ажиллаж байгаа ижий аав хоёроосоо юу царайчлах билээ дээ, Их сургууль
төгсгөөд өглөө. Гадаадад явуулаад өглөө, болоо биз дээ. Цааш хийсэн хэдэн төгрөгөөрөө
наймын хувийн зээлд хамрагдан байртай болоод авлаа” гээд бахархалтай хэлж байсан.
Ийм л нэг залуусын ман­лайл болсон эрхмийг “Өдрийн зочин”-доо урьсан юм. “Өнөөдөр
Төрийн ордонд “Ажилтай орлого­той-Монгол залуу” чуулга уулзалт эхлэх гээд амьсгаа
дээр байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Тамгын газрын дарга П.Цагаан
уншина, Ерөнхий сайд Хятадын айлчлалаа өндөрлөж ирээд шууд оролцоно” гэж хэлээд
зочин маань Залуучуудын холбоо­гоо зорьсон юм.

Н.ГАНТУЛГА  

Categories
редакцийн-нийтлэл

Пунцагийн Бадарч: Уйлж дуулж, уярч хайрлаж, асч дүрэлзэж явсан он жилүүдээ бодохоор…

Монгол Улсын
ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийн яриаг үргэлжлүүлэн хүргэж бай­на. Буурал
найрагчтай хүүрнэ­сэн ярианы эхний хэсэг өнгө­рөгч баасан гаригийн 253(4580) дугаарт
хэвлэгдсэн билээ.  

-Таныг айлын өргөмөл
хүү гэдгийг мэдэх хүмүүс нь мэднэ. Тэр тухай та ярьдаг л даа. Гэхдээ дахиад л сонирхмоор
байна?
  

-Миний төрсөн эцэг
Молом цэрэгт мордоход, эх Дураал тулгар биетэй залуу бүсгүй хоцорсон юм гэнэ лээ.
Энэ бол 1939 оны намар оройн явдал. Эгч Цэенхорлоо “Миний дүү анхны цаснаар төрсөн,
цагаан сар гэхэд нэг муухан инээ­мэр аяддаг болсон” гэж нэгэнтээ өгүүлсэн. За даа,
ямар чиг байсан би гэдэг хүн хуучнаар Түшээт хан аймгийн Боржигон Цэц вангийн хошуу,
одоогийн Төв аймгийн Нял­га буюу Баянжаргалан сумын нутаг Хэрлэн голын баруун их
ай савд мэндэлсэн байгаа юм. Төрөөд удаагүй байсан намайг Хан Хэн­тийн аймгийн Батноров
чигийн хүн, харуулын гэгдэх Пунцагийнд өр­гүүлсэн байна. Үрчлэн авч энгэртээ нааж
өсгөсөн ачлалт ижий Цэгмид маань намайг хонины шарласан нэхийд боож хормойлоод гэртээ
харьж байсан гэдэг. “Ээж нь хүүгээ авчраад сар ч болоогүй байхад, нэг орой аргал
түүж яваад энэ хөөрхөн бурханыг олсон юм” гээд нэг гартаа бадар аяга барьсан хуруун
чинээ­хэн Бурхан багшийн хүрэл цутгам­лыг 
өгч билээ. Би одоо ч хадгалан, биенээсээ салгалгүй зүүдэг.

-Аав тань юу эрхэлж
байсан хүн бэ?

-Манай нутагт эсгий  мухлаг буюу сүйх тэрэгтэй айл хоёрхон байсны нэг
нь манайх, нөгөө нь Цэдэн гуайнх. Энэхүү мух­лаг тэрэг Хэнтий чигийн хийцсэн үү,
эсвэл ээж аав хоёр минь олон хүүхэд өсгөхийн совингоор нөгөөх харуул Эрээнцаваасаа
тэмээн хөллөгөө хөлөргөн өчнөөн уул, ус гэтлэн өнхрүүлж ирсэн эд юмсан уу, мэдэхгүй.
Цаг төрийн цөвүүнд цав суусан сэтгэлээ өвгөд эмгэд ямар дэлгэх биш. Яагаад тал нутагт
манайх ганцаараа тийм сүйхтэй байв гэж ааваас би шалгаагүй. Ер нь тэгээд аавын минь
намтар бүр­хэг. Сүүлд би сургууль соёл ажил төрөл гэхүйд гурван үеийн намтар шалахад
аав хэдэн үг унагасан нь “Багадаа Чойр, ганданд шавил­сан, ардын засгийн анхны жилүү­дэд
эдүгээ Баянцагаан суманд багийн дарга, дөчөөд оны сүүлч тавиад оны эхээр Баян­жаргаланд
малын эмч” гэсэн юм. Аавыг мал эмнэлгийн санитор байхыг би мэдэх юм. Тэр үеийн нэг
хөгтэй явдлыг дурсъя л даа.

-Тэгээч хө?

-Аав нэг өдөр сумаас
ирэхдээ холбоотой богцоороо дүүрэн ма­лын эм тариатай ирлээ. Ээж цай чанаж, би богцыг
нь уудалтал аав “Энэ бол норовсулпзол, пирмодон, анилгин, батлийзол” гэгчлэн ялга­лаа.
Тэгтэл нэг сонин халууны шил гарч ирэх нь тэр. Аав буцалж байгаа цайны халуун үзэхээр
шилийг дүртэл пяд гэж чимээлээд олон жижиг бөмбөлөг сүлээгүй цайн дээр хөвдөг байгаа.
“Ээ харла” гэж уулгалаад хаман авч цацчихаад цайгаа сүлсэн юм даг. Ээж минь үлээгээд
ч юм уу,  тарнидаад ч юм уу “хоргүйжүүлсэн”
биз. Тэр цайг ууснаас хойш би лав л жар гаруй жил амьд явна даа.

-Танай сумаас улсдаа
зартай
уяач, удамт
хүлгүүд төрсөн дөө?

-Аав минь уяа морьдын
тоосон дунд явсан хиймортой эр. Ардын хувьсгалын 25 жилийн ойн наад­маар Маршал
манай уяан дээр ирсэн юм гэнэ лээ. Төв аймгийн Нялга-Баянжаргалангаас дулаан Дамдинжавын
буурал, Галын хү­рэн, Даваанэрэнгийн хүрэн халзан гээд цуутай хурдан хүлгүүд баяр
наадмын чимэг, олон олон түрүү магнай болсныг түүх гэрчилнэ. Энэ алдарт уяачид аавын
анд танилууд байв. Ингэхэд манай аав ер агадж тэвддэггүй хүн байлаа. Нүүдэл суудал
болоход манайх л айлуу­даас хамгийн сүүлд хөдөлж, буухад бас л хамгийн сүүлд төвхнөж,
цагаан сараар айлын битүүлэг зөрөхөд манайх тахилаа ч өрж  дуусаагүй, буузаа ч жигнээгүй мунгинаж байдаг
сан. Тэгэвч үйлс бүхэн нь сайн сайхнаар бүтдэг буянтнууд байж дээ. Аав ээж хоё­рынхоо
хүүхдээ загнах, хоорондоо тар тур хийж байхыг нь би л лав мэдэхгүй. Ээжийг нас элэхэд
аав минь “Жаран жил ханилсан юмсан­даа, хөөрхий минь” гэж эхэр татан жаахан тайвшраад
“цаад шөнө би хөгшинтэйгээ хоёул ижилхэн ца­гаан морьтой майдар үзэж явна гэж зүүдэлсийм,
хагацахыгаа бас ин­гэж зүүдэлдэг юм байж дээ” гэж билээ. Би аав ээжийнхээ дурсгалд
“Хөөрхий”, “Эхийн сэтгэл” шүл­гүүдээ зориулсан даа.

-Сургууль соёлын
мөр хөөсөн үеэ дурсахгүй юу?

-Тавин гурван он буюу,
манай сумынхнаас харалган Жамбал гуай бид хоёр л гашуудан уйлж маршал Чойбалсан
“эцэг”-ээ алдсаны хой­тон жил би сургуулиа төгсч, дөрвөн аргын тоо нэмэх хасахтайгаа,
улирч хөөгдөлгүй, хоёр яс салсан ухаантай. “Чи мал маллах хүн биш, сургуульд яв.
Ах чинь цэргээс ирээд айл гэр болчихлоо. Эгч чинь гэрээ санаад урлагийн сургуулийг
орхиод ирлээ. Чи л хойшоо сургуульд яв” гэж аав хэллээ. Энэ “хойшоо яв” гэдэг үг
надад сонин санагдаад байдаг юм. Зөвхөн зүг чигийн хойшоо ч бас биш юм аа. Хойд
зүгт л шинэ цагийн эрдэм ном буй гэсэн давхар утгаас гадна Алтан гадас, Долоон бурх­аны
зүг юм. Тэгээд аавынхаа хэлс­нээр намрын халуун өдөр хөх ногооны униар тасраагүй,
морин зэрэглээнд тэмээний бөх тэнгэр тулах “Боржигоны бор тал”-аасаа Төгрөг нуурын
зүүн дэнж дээр гүүгээ барьсан цагаан гэр, сэтгэлд хир, биед сорви суулгалгүй өсгөсөн
ижий аав, эгч дүүсээ бүгдийг ну­лимс­тай орхиод сумын шуудан­гийн “Булуу” тэргэнд
сууж одсон доо. Дөрөвдүгээр анги хамт төгссөн зургаан хүүхэд явж билээ. Тэдэн дунд
хожим нь төрийн шагнал хүртсэн мэс заслын нэртэй эмч Дондов маань явж байсан сан.
Аав малын эмч Сэрээжаваас орос цэргийн даргын ширэн цүнх хо­ниор авч өгснийг хэлэх
үү, би гэдэг хүн сумынхаа Жамц төлөөлөгч шиг жигтэйхэн ганган амьтан явж бай­лаа.
Ингээд л бага балчир цагаа бодохоор өчигдөр юм шиг л са­нагдаж байна.

-Цоодол гуай, Сүрэнжав
гуай гээд та бүхэн ус нутгийнхаа өвгөд хөгшдийг уран зохиолын баатар шиг дурсдаг.
Бүр нэг дэргэд авчраад яриа хөөрөө, инээд наргиантай нь хүмүүсийн сэтгэлд үлдээж
орхих нь бий. Тийм л хөгшдийн тань тухай асуумаар байх юм?    

-Ав Буян гуай гэж
сайхан хөгшин байлаа. Одоогийн оношоор бол тал цус харвасан юм дагуу даа, тал бие
сулдуу их биерхүү, морьтой явж байхыг нь ажихад морь нь зургаан хөлтэй юм шиг харагддаг
сан. Гуншаадуухан дуутай, Долгорын Нямаагийн шүлэгт гардаг шиг хутга зүүсэн, гэзэг
сүлжсэн том улаан өвгөн. Ав гэдгийн учир нь чонын анчин Рааш гэдэг шиг чонын эрлэг
байж шүү. Би Буян гуайд их хайр­тай. Тэднийх манайхаас баруун­тай­гуур буюу Наранбулаг,
элэгний рашаан, Оорцог, Умбийгаар ну­таглана. Оорцогийн худгийн хон­хор дүүрч байвал
алаг голдуу адуугаа бүрэн байна гэж санаа нь амарна. Мундаг заргач хүн. Хааяа хааяа
лүгхийсэн том хар юм ирэ­хээ­рээ “Суман дээр шүүх “порхиор” ирж гэнэ, тэдэнтэй очиж
зар­гал­дана даа” гэж явдаг сан. Буян гуайн хөлсний алчуур гэж тийм гэхийн тэмдэггүй
тас хар юм байна даа. Тэрхүү “хар юм”-ныхаа буланд хэдэн ёотон, атга үзэм зангид­чихсанаа
надад өгнө. Миний Буян гуайд сайн байдгийг учир тэр л дээ. Мөн атигар Сайнбаяр гэж
өвгөн байлаа. Дандаа л хашгичиж, гуу­гачиж явдаг сан. Нэг удаа манайд ирээд гэрийн
гадна, морин дээ­рээсээ аавыг сураглалаа. Ээж “мэдэхгүй ээ” гэхэд, чи яахаараа мэддэггүй
юм гэж загнах аястай шүү. Тэгэхээр нь би тэрэгнээс уяатай байсан сонор гэдэг том
хар нохойгоо тавиад Сайнбаяр гуайн хойноос туу гэчихлээ. Сонор хар хурхийн морийг
нь өсгийлдөн хазаад, сүүлнээс зуураад өвгөнийг “нисгэчихдэг” байгаа. Сүүлд би нутагтаа
очоод Сайнбаяр гуайгаа­саа өршөөл эрье гэтэл уулсаа дэрлэчихсэн байсан даа. Бундуу
заан гэж бас л домог болохоор нөхөр байж билээ.

-Бас л танай Баянжаргалан­гийнх
уу?

-Тэгэлгүй яахав. Уг
нэр нь Буян­тогтох, заан гэдэг бөхийн цол бус тэнгэр мангар гэсэн утгатай гооч шоочийн
өгсөн нэр л дээ. Тэрээр хаанаас сурсныг бүү мэд, нэг их сайхан цуйван хийдэг сэн.
Цагаан сараар битүүлэг зөрүүлэхэд тэд­нийхээс цуйван л ирнэ. Бундуу үнэхээр тэнэг
хүн л дээ. Гэхдээ их ганган тэнэг юм аа. Наадмаар дэлийг нь сумлан зассан сайхан
хар морь унаж, нанжин гахай гөлөмтэй найман даруулгатай, мөнгөн хяртай эмээл тохож,
урт хулсан ташуур барина. Нэг удаа Бундуу ташуураа гээчихээд “миний дагуур алга,
дагуур алга” гэхэд нь аав ойлгохгүй уцаарлан, хот айлаа­раа өдөржин самнан байж
олсон юм даг. Бүх насаараа л ханьгүй явсан. Ер нь тэгээд хэн ч Бундуутай суухав
дээ. Би түүнд хайртай, нутгийн залуус даажин хийхэд нь зэвүүцэж, Бундуугаа өмөөрөн
зарим нэгнийх нь олмыг суллаж дараа нь алуулах шахдаг сан. Ийм л сайхан өвгөдөө
үе үехэн үгүйлэх юм аа. Хааяа уулзаж ярилц­маар, хацраа өгч үнсүүлмээр болох юм.
Гэтэл тэд минь аль эртээ буцчихсан байдаг. “Пунцагийн дэлдэн шар” наян нас руу хэвий­чихээр
арга ч байж үү дээ.

-Та чинь “Нууц
товчоо”-ны 750 жилийн ойн яруу найргийн наадамд түрүүлсэн. Хэрлэнгийн хөдөө аралд
Бат-Эрдэнэ аварга та хоёр л босоо байсан даа?

-Манайд хаанаас хэдийд
хэн авчирсныг бүү мэд, 1946 онд хэв­лэгдсэн хөх саарал хавтастай худам монгол үсгийн
Нууц товчоо байж билээ. Тухайн цагт хоршоонд ноос тушаасны мөнгөнд ном да­гуулж
өгдөг байсийм. Ийм замаар аав минь авчирсан болов уу. Эгч бид хоёр түүнийг уншиж
чадахгүй учир айлын хүн сөөдөг Дагва гуайгаар дуудуулна. Тэр хүн уг нь миний эцэг
Моломын ах юм. уг гарвал нь түвдээс нүүж ирсэн цагаач гэдэг. Үнэн худлыг нь хэн
мэдлээ. Үнэн бол би түвд ястай боржигон цустай болох шүү. Ер нь тэгээд ч нүүж ирсэн
түвд ястнууд Монголд нэлээд бий. Миний мэ­дэхийн алдарт зураач Намхай­цэрэн, зохиолч
Соронзонболд нар байна. Тийнхүү сөөнгө Дагва гуай­гаар дуудуулж суусан Нууц товчоо
минь надад ивээлээ хайрласан нь “Нууц товчоо” гэдэг шүлэг л дээ.

-Өмнөх ярилцлагадаа
“Есөн эрдэнийн орон” тэргүүт шүл­гүүдийн чинь тухай багагүй ярь­сан. Гэхдээ танаас
асуулгүй өнгөрч боломгүй хэд хэдэн сай­хан дуу бий. Ухаандаа, Дандар баатарт зориулсан
“Миний залуу нас дайны жилийн цэрэг явлаа” гэж дуу байдаг. Ингэхэд Дандар гуайтай
та их ойр байжээ?

-Тавин нэгэн оны зун
аав ээж­тэйгээ Жанчивлангийн рашаан хүртэхээр нутгаасаа гарч явтал замдаа Төв аймгийн
Баян сумын наадамтай учирлаа. Уг наадмын шуугиан нь Дандар баатар, Хөхөө начин хоёр
барилдахаар ирсэн сураг байв. Арванхоёр настай хүү надад домогт Дандарыг харах хүсэл
гозолзолгүй хаачихав. Тэгтэл наадмын хоёр дахь өдөр Дандар баатрыг морьтой залуус
дайрч хөлийг нь бэртээсэн гэж дуулдав. Тэгээд барилдаагүй юм билээ. Наадам тарсны
орой бид олны хөлөөс зайдуухан гарч хонь гарган гэдсийг нь чанаж байтал морин төвөргөөн
тачигнаж, яах ийхийн зуургүй өнөө Дандар баа­тар чинь Хөхөө начны хамт ороод ирдэг
байна шүү. Аав архи за­даллаа. Гэтэл Дандар баатар ээжийн эгч хөгшнийг заагаад
“Би ийм ээжтэй байсан хүн. Нэг ч удаа болов амар заяаг нь үзүүлээгүй дээ. Дандаа
л дайтаж, байлдаж сэт­гэлийг нь шархлуулж явлаа” гээд уйлдаг юм. Тэгж анх Дандар
гуай­тай уулзаж, Монголын домог бол­сон баатар эрийг жаахан хүүхэд адил уйлахыг
нь нүдээр харсан хүн. 1976-1993 оны хооронд Бүх цэргийн дуу, бүжгийн чуулгад Утга
зохиолын эрхлэгч гэдэг албыг хашиж байх үедээ Дандар баа­тартай хөдөө аймгуудаар
олон явсан. Тэр тухай­гаа би “Дандар баатрын морин жолооч явлаа” гэж бичсэн түүхтэй.    

-“Унаган хайр”-аас
улбаа­лаад олон чиг дууны хөгжим бичсэн Гаадангийн Алтанхуяг таны “Цэцэгчний хүслэн”-д
бас л аатай ая хийсэн дээ?

-Наад дуу чинь их
сонин бүтсэн түүхтэй. “Цэцэгжүүлэх комбинат” ч билүү, тийм нэг байгууллагын хүүхэн
над дээр ирдэг юм. Нэрийг нь Энхцэцэг шиг санагдах юм. “Цэцэгчний тухай дуу хийгээд
өгөөч. Манайхан АСК-ын тэмцээнд оролцох юм” гээд ирдэг байгаа. Би уурлалаа. “Ах
нь тийм шүлэг бичиж чадахгүй ээ, ер нь тэгээд намайг зүгээр нэг АСК-ын шүлэг бичдэг
нөхөр гэж чи бодоогүй биз дээ” гээд жаахан адарчихлаа. Өнөө Энх­цэцэг маань бас
дуугүй байсангүй, та юун сүртэй юм. Нэг шүлэг бичээд л өгнө биз дээ гэдэг юм. Ингээд
хоёулаа хэрэлдэх дээрээ туллаа шүү. Үнэн сэтгэлээсээ гуйгаад байхаар нь падааны
цаасан дээр

“Алтан нарны цацрал
атган

Ариун хөрсөнд соёолон
найгасан

Амьдрал жаргалын
гэгээн бэлгэдэл

Алаг цэцэгс мөнх
дэлгэрэг

Энхэрхэн дэлбээг
чинь тааланхан

Эхийн хайраар чамайг
ургуулсан юм

Хаврын үдэш залуус
учрахдаа

Хайрын болзоонд
чамайг өргөнхөн

Сайхан үнэрт чинь
сэтгэл баясан

Саруул орчлонд
жаргаж яваг аа”
гэсэн
хэдэн мөр бичээд өглөө. Өнөөх маань аваад явсан. Харин яаж яваад Алтанхуягт оччихсон
юм, “Таны энэ шүлгэнд би ая хий­чихлээ. Та нэмээд нэг бадаг бичээд өгөөч” гээд ирж
билээ. Удаа ч үгүй “Цэцэгчний хүслэн” дуу төрж Дар­ханы соёлын ордны залуухан дуучин
Энхбатын дуулснаар ний­тэд түгсэн дээ. Энхцэцэгтэй хэ­рэлдэж байж бичсэн хэдэн мөр
ийм сайхан дуу болоод үе үеийн за­луусын сэтгэлд явна чинээ бо­доогүй л байхгүй
юу. “Хонгор нутгийн түмэндээ” гэсэн дуу маань ч ийм л түүхээр бүтсэн дээ. Манай
Хаянхярваагийн хөгжим шүү дээ. Хаян бид хилийн цэргийг сурталч­лах ажлаар Баянхонгор
явах гэж байтал манай хүн “нэг дуутай очих юмсан” гээд болдоггүй. Эхэндээ би дургүйлхлээ.
“Жалга болгон жасаа­тай гэдэг шиг аймаг бүхэн дуутай байх хэрэг үү, ёстой донгосно
биз” гэсэн юм л бодогдоод явчихлаа. Манай хүн бол намайг жаахан чаргуулдах янзтай.
Тэгэхээр нь найзынхаа урмыг бодъё доо гээд “Ганцхан насанд заяасан

Урсгал тунгалаг
Байдрагтаа

Газар үнэрлэн гүйсэн

Унаган хүлэг шиг
ирлээ

Хослон цэнхэртэх

Хангай говийн

Хонгор нутаг

Хонгор нутаг минь
ээ

Хосгүй тандаа хайртай” гэх мөртүүдийг билльярдны ширээн дээр
ум хум бичээд орж байлаа. Бараг л хонгор нутгийн сүлд дуу болсон байх шүү.

-Тантай ийн хөөрөлдөөд
дуу­сашгүй, ёстой л нөгөө булгийн ус ундарна гэдэг шиг. Ичинноров эгч та хоёр эрх
охин Бүжин­гийнхээ хүүтэй, басхүү ангир гэдэг мууртайгаа дөрвүү­лээ дулаахан амьдарч
байна. Энэ тухай өмнөх ярилцлагадаа өгүүлсэн нь бий. Гол нь өглөө хэдийд босч, орой
хэдийд унтаж буйг тань сонирхох гэсэн юм. Мөн сүүлд ямар бүтээл туурвиж байгааг
тань…?

-Ах нь дурсамжийнхаа
номыг бичиж сууна аа. Би чинь энэхэн насыг туулахдаа хичнээн ч сайхан хүмүүстэй
сэтгэлийн садан явсан юм бэ дээ. Тэр тухайаа л бичиж байна. Ер нь тэгээд уйлж дуулж,
уярч хайрлаж, асч дүрэлзэж явсан он жилүүдээ бодохоор өөрийн эрхгүй хоёр нүдний
нулимс мэл­мэрэх юм аа. Дээр нь ижий аав, ус нутгаа бодохоор зүгээр л асгар­чих
юм. Ичинноров бид хоёр яахав, хэрэлдэхдээ хэрэлдээд бараа ба­раандаа байж л байна.
Манай хүн чинь Дорнодынх юм. Олон жил ус нутагтаа очоогүй болохоор нутгаа жигтэйхэн
санана. Тэгээд нут­гийнхаа тухай муу үг дуулна гэж байхгүй. Саяхан манай Төв айм­гийн
цуврал сайхан боть гарлаа шүү дээ. Түүнийг хөгшиндөө харуу­лаад “Манай нутаг ийм
шүү дээ. Танай Дорнодод ийм байгаль, уул ус байна уу” гэж хэлээд уурыг нь хүргэж
арай л салсангүй. Өглөө би эртээ босч зохиолоо бичээд, хөгш­нийгөө босохоос өмнө
хар цайгаа чанаад, кофе энээ тэрээ най­руу­лаад сууж байна. Манайх ямар сүүтэй цай
уух биш. Тэгээд л ном шагайгаад суучихна даа. Номын хүчинд, хэдэн муусайн шүлгийнхээ
авшиг тарнийн хүчинд өдий зэрэг­тэй яваа хүн шүү дээ, би.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Пунцагийн Бадарч: Сэрэл мэдрэмжийн гэрэлт шувууг сэтгэл зүрхэнд минь нисгэсэн Монголын дархан хилд би хайртай

Монгол Улсын ар­дын уран зохиолч
Пун­цагийн Бадарчтай ярилц­лаа.

-Таны шүлгүүд ард түмний зүрх сэтгэлд
тарни мэт хоногшсон. “Есөн эрдэ­нийн орон”, “Эх орны хилээс” хэ­мээх шүлэг найрагла­лыг
тань ун­шаа­гүй, ма­гадгүй цээж­лээ­гүй хү­мүүс ховор. Бүгдийн сэтгэлд тэгж цаг
мөн­хийн хадаатай явдаг. Харин “эрдэнийн чу­луу” мэт эдгээр шүл­гүүд хэрхэн бичигд­сэ­нийг
асуумаар байна?

-Би гэдэг хүн 1971 оны хавар хилийн
цэр­гийн офицер болсон юм. Төв аймгийн Эрдэнэсант суманд клубийн эрхлэг­чийн ажлаа
өгчихөөд хийх юмгүй дэмий тэнэж ява­хад Зо-Пай-Жингийн Бат­­тулга гуай гудманд таарлаа.
Баттулга гуайг манайхан “Хөх тэнгэр” роман, “Түвшин төгс”, “785 дээр” зэрэг үргэл­жилсэн
үгийн бүтээлүү­дээр нь мэднэ. Баттулга гуайг би аугаа их Бямбын Ринченгээс хойш
бичгийн эрдэм соёлыг төгс эзэмш­сэн хүн гэж боддог юм. Инжинаашийн “Хөх су­дар”
роман, Баттулгын “Хөх тэнгэр” роман хоёр бич­гийн хэлний гайхамш­гаа­­раа их ойртож
очно доо. Харин сүүлийн жи­лүүдэд “Монголын шил­дэг ро­ман” гээд хүмүүс ярихдаа
“Хөх тэнгэр”-ийг оруулах­гүй байгаад гайх­даг. Үргэл­жилсэн үгийн хэд хэдэн цуврал
ботиуд гар­лаа, түүнд Баттулгын зохиол ороогүй ээ. “Хөх тэнгэр” роман доторх бүл­гүүдийнхээ
өмнө “Утгат тайлбар” буюу дөрвөн мөрт шүлгүүдтэй явдаг нь бахархмаар. Баттулга гуай­тай
таарсан гэдгээс үүдээд зохиол руу нь орчихлоо. Ер нь ч хэлье гэж бодож байснаа хэл­чихлээ.
Одоо өнөө хи­лийн цэргийн тухай яриандаа ороо­дохъё.

-Баттулга гуай таныг хилийн цэрэг
рүү уруу татаж дээ, янз нь?

-Тэгэхгүй хаачихав. “Чи ингэж дэмий
тэнэж явснаас хилийн цэрэгт ор, би чамайг оруулаад өгье” гэдэг юм. “Над шиг цэргийн
алба ч хаагаагүй хүнийг хилийн цэрэг авах болов уу” гэхэд, “Намайг дуу­гүй дагаад
яв” гэж харцаараа хэлснээс өөрийг хэлээгүй дээ. Тэгээд л Хилийн цэрэгт аваа­чиж
өгсөн. Тухайн үед Хилийн цэргийн удирдах газрын дар­га нь Цэдэн-Иш генерал бай­лаа.
Штабын дарга нь “улаан нүдэн” Намсрай гэж хүн байв. Ингээд тэд намайг Өмнөговь аймгийн
Гурвантэс сумын Овоотын отрядад хуваарил­сан юм. Тэр цагт Монголын хил дахин шинээр
зохион байгуулагдаж байсан үе шүү дээ. Овоотын отряд-өмнийн шаргал говьд очоод удаагүй
байтал арваннэгдүгээр сарын долоон буюу октябрын баяраар надад нэг даалгавар ирдэг
юм аа.

-Тэр нь юу байхав?

-Отръядаас бүх заставууд руу хүчлэн
хамгаалалтын офицерыг октябрын баяраар гаргадаг уламжлал бий. Офи­цер болоод гурван
сарын нүүр үзэж буй намайг Цай­лан­булагийн буюу Цайлан­гийн застав руу лацтай бичиг­тэй
илгээлээ. Тэгэхэд би 29 настай байжээ. Цайлангийн заставын дарга Батсуурь гэж бас
хорин хэдэн настай залуу эр намайг угтаж авсан. Бид хоёр өнөө лацтай бичгээ задалтал
тухайн заставын харьяа баганыг эргэх, мөн хилийн цэргийн постон дээр хонох зэрэг
удирдамжууд байна. Заставын залуухан дарга Батсуурьтай мөр зэрэг­цэж буу үүрээд,  араасаа мөн буу сум агссан гурван цэрэг дагуулаад
Алагийн уулын тэргүүн дээр байх эх орныхоо хилийн баганыг эргэж очсон түүхтэй. Миний
бие дархан хилийн сүлдэт багана дээр анх очиж буй минь тэр. Бага­наа нар зөв нэг
тойръё гэтэл Батсуурь маань бугуйнаас шүүрч аваад “Болдоггүй юм, хилийн баганын
энэхүү харан­дааны үзүүрээр зурсан мэт нарийн улаан шугамны дээгүүр өнгийж харахад
л таны толгойг хятадууд зад буудна шүү дээ” гэв. Миний айсан гэж жигтэйхэн.

Тэгээд Алагийн уулан дээр, эх орныхоо
торгон хилийн зурвас дээр, алтан соёмбот баганынхаа дэргэд зогсохуйд өнөө шүлэг
найр­гийн албин минь хөдөлж, тусгаар тогтнолоороо бахар­хаж нэг омогшоод, гэргий
хүүхдээ санаж нэг уяраад, сүлдэт баганынхаа цаадах газар нутгийг хүний юм даа гэж
нэг гуниад юм юм л бол­лоо доо. Тэгээд дархан хилийн­хээ баганын дэргэдээс хоёр
ширхэг чулуу авч хар­маал­лаа. Эх орныхоо хил дээр анх ирсний дурсгал гэж бодсон
хэрэг л дээ. Орой бид заставтаа буцаж ирлээ. Сэт­гэл нэг л тогтож өгсөнгүй. Шөнө
дөл ч боллоо, нойр хүрсэнгүй. Өнөө хоёр чулуу­гаа дэргэдээ тавьж байгаад шүлэг бичиж
билээ. “Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас

Сүхбаатарын талбай хүртэл эх орон
минь бий

Сая ардын итгэл багтсан Сүхийн их
талбайгаас

Тэртээ хилийн багана хүртэл энхрий
нутаг минь бий…” гээд л. “…Эрдэнийн номин дуулга шиг одот цэнхэр нуур

Эргийн зэгсэнд ганганалдах амраг хоёр
ангир

Эхний айл, гүүн зэл, ингэ ботгонын
гунганаан

Эмээлт  морь шиг шилгээн баясах хусан уяа

Ээлт үүдий нь сөхвөл зол бадрах голомт

Ээж аавын буянт жаргалын цагаан өргөө

Хаагуур ухарч би хаяад гарах юм бэ…”
гэж биччихээд өмнийн говийн одот шөнөөр цээж дүүрэн алхаж байсан даа. Миний бие
“Эх орны хилээс”, “Нулимст борхон болжмор”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Саруулхан
шөнийн дуу”, “Цэрэг орны дууль” зэрэг олон бүтээлээ Овоотын отръядад гурван жил
алба хаахдаа бичсэн. Сэрэл мэдрэмжийн гэрэлт шувууг сэтгэл зүрхэнд минь нисгэж хайрласан
Мон­голын дархан хилд би хайртай.

-“Есөн эрдэнийн орон” найраглалынхаа
түүхийг одоо ярихгүй юу?

-Далан нэгэн оны хавар хил рүү явахдаа
Шагдарын Дулмаадаа үлдээгээд явсан найраглал шүү дээ. Дулмаа тэгэхэд “Үнэн” сонины
утга зохиолын редактор, сэтгүүлч байлаа. “Үнэн” сониндоо хэвлүүлээд өгөөрэй, найз
нь ойн уралдаанд өгөх санаа­тай байгаа юм шүү гэж хэлээд явахад манай хүн хэвлүүл­чих­сэн,
өнөө бүтээл маань ардын хувьсгалын 50 жилийн ойн уралдаанд гуравдугаар байрын шагнал
эзэлчихсэн байж байлаа. Тавин жилийн ойн хүрээн дэх яруу найргийн томоохон хэмжээний
бүтээ­лийн уралдаанд Д.Пүрэвдор­жийн “Сэгс цагаан богд” найраг­лал түрүүлээд миний
“Есөн эрдэнийн орон” гуравт орсон. Хоёрдугаар байрыг эзэлсэн бүтээл байгаагүй юм.
Сайд нарын зөвлөл надад гурван мянган төгрөгийн шагнал өгч байлаа. Уул нь би нэр
алдартайхан зохиолч байсан бол хоёрт орчих байсан болов уу. Сайд нарын зөвлөл мянган
төгрөг дээр л жаахан горойсон доо, тэгэ­хэд. Гэхдээ яахав, гуравт орно гэдэг сайхан.
Тэр үеийн гур­ван мянган төгрөг гэдэг их мөнгө шүү дээ. Гэртээ зурагт, шүүгээнээс
аваад л зөндөө тавилга авч манайх гэдэг айл айлын дайтай л болсон юм­даг. Тэр талаас
нь аваад үзсэн ч “Есөн эрдэнийн орон” ээлээ өгсөн бүтээл дээ. Худлаа, үнэнийг нь
сайн мэдэхгүй юм, гэхдээ намайг олонд үнэхээр алдаршуулсан бүтээл бол “Есөн эрдэнийн
орон” шүү дээ. Бичсэн түүх маань их сонин юм даа. Тавин найман онд монголч эрдэмтдийн
анх­ду­гаар их хурал Монголд боллоо. Холбооны технику­мын оуютан би амралтаараа
нэг л харимааргүй санагдаад л, амьдрал ахуйгаа дээш­лүүлье ажил төрөл хийе ч гэж
бодоод марк, сонин хэвлэл зардаг ТҮЦ-д ажилд орлоо. Худалдагчаар ажилд орж буй хэрэг
шүү дээ. Тэгтэл намайг Сталины номын санд болж буй монголч эрдэмтдийн хуралд очиж
сонин хэвлэл зар гээд явуулдаг юм. Тэнд Дамдинсүрэн, Ринчен, Сэр-Оджав гээд Монголын
нэртэй эрдэмтэд, за тэгээд Онон-Өргөнгөө, Латимор, хар Дорж гээд нэртэй монголч
эрдэмт­дийг дэргэдээс нь харлаа. Тэдэнд зориулсан хуучин ном судрын үзэсгэлэнг Стали­ны
номын сангийнхан дэлгэчихсэн байна. Тэрхүү хуучин номын үзэсгэлэн дунд есөн эрдэнээр
бичсэн Сандуйн жүд судар байсан. Уг судраас л би есөн эрдэнэ гэдгийг мэдэж авч байсан.
Жаран зургаан онд Зохиолч­дын хороонд байхад Я.Цэвэл гуай их ирнэ. Толь бичгийн
нэрт эрдэмтэн түүнийг мэдэх­гүй хүн үгүй байх. Цэвэл гуай­гаас би есөн эрдэнэд юу
юу багтдагийг асууж, есөн эрдэ­нийн тухай бодол болсон. Есөн эрдэнэд Монголын бүх
л зүйл багтаж болох үүдэл санаа тэр цагаас төрж Д.Нацаг­доржийн музейн манаачаар
ажиллаж байхдаа далан оны есдүгээр сарын нэг л шөнө биччихсэн. Уран бүтээлчдийн
хэлдгээр ганц­хан амиар л туучаад хаясан зохиол шүү дээ. Одоо хүнд хэлбэл бараг
итгэхгүй дээ. Хүн чинь тэгээд гэнэн цайлган залуу идэр насандаа сонго­дог бүтээлүүдээ
туурвидаг юм биш үү. Нас ахиж, ухаан нэмэ­хийн тоогоор авьяас билгийн бадамласан
гал дөл хумигдаад байдаг шиг санаг­дана. Өвгөн би одоо “Есөн эрдэнийн орон” шиг
бүтээ­лийг ганцхан шөнийн дотор байтугай есөн жил бодоод ч бичихгүй дээ. Анх Пүрэвжа­вын
Пүрэвсүрэндээ манааны шовгор дотроо уншиж өгөөд, дараа нь Пүрэвдорж гуайд уншиж
өгч билээ. Пүрэвдорж гуай “болжээ” гэсэн ганц үг хэлсэн нь товч бөгөөд тодор­хой
үнэлгээ байсан.  

-Та бол өмнөх найрагч­дын­хаа тухай
ихэд ярьдаг, тэднээрээ бахархдаг зохиолч­дын нэгэн. Ялан­гуяа Эрдэнээ багш, Явуугаа
их ярьдаг?

-Явуу, Эрдэнэ хоёр бол Монголын шинэ
үеийн уран зохиолыг дэвшил, сэтгэлгээ, уран сайхны хувьд мэргэж­лийн болгож өгсөн
манлай­лаг­чид юм. Тэр хоёр сэрэл мэдрэмж хийгээд туурвил зүйн тансаг үгийг эзэмших
чадварт нэвтэрсэн хүмүүс байлаа. Гэхдээ би Намдаг, Лодойдамба нарыг үгүйсгэж байгаа
юм биш шүү.

Дэлхийн уран зохиолыг монголчууд бид
уншиж базаа­гаагүй байхад Явуу, Эрдэнэ хоёр дэлхийн хэмжээ­ний бүтээлүүдийг туурвисан
л байхгүй юу. Үүнийг бид үгүйсгэх аргагүй юм аа.

-Өнөөдөр та бүтээл туур­вилаараа
Монголын утга зохиолын оргилуудын нэг болсон. Үүнийг молхи би хэлж байгаа юм биш
ээ. Олон түмэн тэгж хүлээн зөвшөөрдөг, утга зохиолын судлалтнууд нэгэн дуугаар үнэлдэг.
Харин үүнд өөрөө ямархан хариулт өгөх бол?

-Ардын уран зохиолч гэдэг цолыг Монголын
төр надад хайрласан. Ард түмэн бүтээлийг минь уншиж шаг­шиж шуугиад байхаар нь төр
ийм өндөр цолоо хүртээсэн болов уу. Энэ бол хувь заяа юм. Даруу зан гаргалгүй, бас­хүү
онгирч хэтийдэлгүй үнэ­нээ өчихөд монгол хэлтэн, Монголоо гэх сэтгэл зүрхтэй туурга
тусгаар улс үндэстэн мөнх оршсоор байх цагт миний дуу, шүлэг, найраглал, дуурийн
цомнол минь оюун санааны тусгаар тогтнол болно гэдэгт итгэл төгс байна. Харамсалтай
нь цагийн саалтад их цөөхөн бүтээл минь үлдэх байх даа. Ер нь тэгээд хичнээн авьяас
билэгтэй байлаа ч тухайн хүнээс цөөхөн бүтээл нь тунаж үлддэг тавилан шүү дээ.

-Дэндэвийн Пүрэвдорж гуайн наян
насны ой өнөө жил тохиосон. Пүрэвдорж гуайтай ойр явсан хүний нэг бол та юм. Түүний
тухай мөн их ярих  нь мэдээж?

-Холбооны техникумын оюутан байх үе
буюу тавин найман онд миний бие Пүрэвдорж гуайг анх харж билээ. Төв талбайн баруун
талын Үйлдвэрчний эвлэлийн нэг давхарт санагдана, зохиол­­чид хүрэлцэн ирж уншигч
олонтой уулзлаа. Тэрхүү уулзалтыг Чойжилын Чимид гуай хөтөлж байсан. Сүрэнжав бид
хоёрын юм хөтлөөд сүрхий байдаг чинь Чимид гуайтай холбоотой шүү дээ. Чимид тухайн
уул­залт дээр Бааст гуайг зарлах­даа, манай зохиолчдын дунд хамгийн намхан нь Бааст.
Гэвч бичсэн бүтээл, хэвлүүл­сэн номоороо ярих юм бол Бааст хамгийн өндөр нь байж
магадгүй. Олон номтой учир номон дээрээ гарч зогсоод биднээс өндөр болчихно гэж
олныг хөгжөөж байв. Тэгэхэд Пүрэвдорж гэж том алаг  нүд­тэй, тас тас инээсэн сайхан залуу шүлгээ уншиж
билээ. Ингэж л би Пүдо-гоо анх хар­сан юм. Түүний дараа буюу жаран оны намар бид
хоёр Сонгинын амралтад таарч хэн хэндээ шүлгээ уншиж явлаа. Пүрэвдорж  гуай нэг их гоё цагаан царайтай залуу­хан эмч
бүсгүй дагуулчихсан явж билээ. Тэр л цагаас хойш Цагаан хэрэмний цаана зур­гаан
жил суусныг эс тооцвол насан өөд болтол нь хамт явжээ. Монгол хэлээ төгс эзэмшье
гэвэл Пүрэвдор­жийн­х­оо яруу найргийг унш даа гэж дүү нартаа захья, өөр юу чиг
хэлэхсэн билээ.

-Ш.Сүрэнжав, Д.Цоодол, Б.Лхагвасүрэн,
Т.Галсан, Д.Урианхай, Д.Нямаа, П.Пүрэвсүрэн, Ш.Дулмаа гээд та бүхэн Монголын яруу
найргийн амьд домог болсон бурхад билээ. Ингэ­хэд хэн нэгэнтэй уулзах юм уу?

-Өөрийн чинь нэрлэж хэл­сэн наад хэдэн
навсгарыг чинь их санах юм аа. Зарим­даа яагаад ч юм уулзаад ярих юмгүй болчихсон
юм шиг санагдах үе ч байх юм. Пүрэв­сүрэнтэй нутаг холдчихлоо. Манайх чинь 21 дүгээр
хороол­лоосоо нүүгээд Төмөр замын соёлын ордны ардхан “Эко”-гийн Нямдаваа гэж хүү­гийн
өгсөн байранд хөгшин бид хоёр, ач хүүтэйгээ, Ангир гэдэг эрх мууртайгаа дөрвүү­лээ
аж төрж байна шүү дээ. Цоодол, Сүрэнжав, Нямаатай хааяа хааяа таарах юм. Цоо­дол
маань Пүрэвдорж гуайн ойд Өвөрхангай явсан байх. Би явж чадаагүй. Одоо чинь аян
замд ядраад байх бол­лоо. Нямаа бид хоёр Нацаг­дор­жийн гэргий Пагмадула­маар баахан
хөөцөлдсөн. Манай Нямаа  тун нямбай нэг ном
гаргасан шүү дээ. Миний хүү буурал намайг, хэдэн найз нарыг минь Монголын яруу найраг,
утга зохиолын амьд домог гэж сайхан хэллээ. Хөөрхийдөө, миний муу ижий аав хоёрын
буян, шившлэг тарни байдаг биз дээ. За тэгээд яруу найргийн буян гэж барж идэхгүй
нэг зүйл байна шүү дээ. Цаг минут бүр хүмүүс ярьж, сайн сайхан зүйл хэлж ерөөж,
шүлэг найргийг минь уншиж өгөх юм. Дуурийн театр “Чингэс хаан” дууриар маань энэ
намрын нээлтээ хийж урлагийн гавьяат зүтгэл­тэн найруулагч Л.Эрдэнэ­булган, ардын
зураач Ч.Гунгаа­сүх, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав бид дөрвийг чинь хүндэт­гэлтэйгээр
урьж, улаан хивсэн дээгүүр алхуулан “шараа” болголоо шүү дээ. Дотроо бол өвгөн би
жигтэйхэн баярлаж яваа юм чинь. Гунгаасүх маань “Бид чинь юм хийчих­сэн юм байна
шүү” гэж чихэнд шивнэж байна лээ. Энэ мэтчи­лэн буурал найрагч намайг баярлуулах
зүйл зөндөө юм даа. Хүний хорвоод хоёр дахиа төрсөн мэт амьдарч явна даа, ах нь.

Н.ГАНТУЛГА          

Categories
редакцийн-нийтлэл

Хэвлэл мэдээллийн зөвлөгөөнийг хэн зохион байгуулж, хэн оролцож, ямар шийдвэр гаргав

Саяхан хэвлэл мэдээллийн удирдах ажилтны
үндэсний хоёр­ду­гаар зөвлөгөөн болж өнгөрөв. Зөвлөгөөн дээр нөгөө л улиг бол­сон
зүйлээ ярилаа. Хувийн хэвлэл мэдээллийг нийгэмчилнэ. Ядаж дөрвөн хүн байж нэг хэвлэл
мэдээл­лийг удирдвал зүгээр юм. Яагаад гэвэл эзний цензур арилна. Хэвлэл мэдээлэл
Засгийн газрын цензурт, хөрөнгө оруулагчийн цензурт, эзний цензурт юм хийж чадахаа
болив. Хэвлэл мэдээллийн хөгжил зогсож сэтгүүлчдийн нэр хүнд муу байна. Тэдний цалин
хөлс бага гэх зэргээр ярилцаж хэвлэлийн эрх чөлөөний хууль бол ганц аврал гэцгээлээ.
Бас энэ удаагийн нэг нэмэгдсэн зүйл бол редакци буюу сэтгүүлч реклам зар сурталчилгаа
хийж болохгүй гэж үзсэн. Энэ зөвлөгөөнийг ямар хүмүүс зохион байгуулав гэвэл Хэвлэлийн
хүрээ­лэн зохион байгуулаад Сэтгүүлч­дийн эвлэл, Радио Телевизийн академи, Телевизүүдийн
холбоо, Өдөр тутмын сонинуудын холбоо,  Сайтуудын
холбоо хамтран зохион байгуулж оролцов. Оролц­сон хүмүүс нь хэвлэл мэдээллийн удирдах
ажилтнууд. Гаднаас нь энэ бүхнийг харахад ямар ч өөгүй, Монголын хэвлэл мэдээллийнхэн
бүгд л оролцсон мэт. Тэгээд хэвлэл мэдээллийн удирдах ажилтнууд хөрөнгөө нийгэмчлэх  тухай шуугил­даад л, түүнийг нь хэвлэл мэдээллийн
төрийн бус байгуул­ла­гууд нь за яах вэ та нар ингэж үзэж байгаа бол  гэж тэмдэглээд  л. Мөн цаана нь хэвлэл мэдээллийн тухай хууль
гаргах гэж зовчихсон гишүүд нь “бас л нэг ажил удлаа” гээд л. Ийм л нэг хурал зөвлөгөөн
болоод өнгөрчихсөн мэт харагдаад байна аа даа. Үгүй дээ, жинхэнэдээ зүгээр л хэвлэл
мэдээллийн буурин дээр хаягдсан хэсэг нөхдийн хорслоо тайлах ээлжит жүжиг л болоод  өнгөрлөө. Гэхдээ энэ жүжиг чөлөөт хэвлэлийн хөгжилд
их хорлонтой, түүнийг хойш татсан зүйл юм.

Манай хэвлэл мэдээллийн төрийн бус
байгууллагууд яг жин­хэн­эдээ яаж байгуулагдсан, юуны төлөө явж байна вэ. Эдгээр
ТББ- дыг хэвлэл мэдээлэлд өндөр албан тушаал хашиж байсан нөх­дүүд өөрсдөө байгуулсан.
Тэгээд дарга нь болоод явж байгаа. Гэхдээ тэр өндөр албан тушаалаа  социа­лиз­мын үед хашиж байсан хүмүүс. Тэгээд
зах зээлийн нийгэмд шил­жи­хэд тэд өөрсдийн анхигүй байд­лаас болж хоосон хоцорсон.
Тэд зөвхөн өөрсдөөсөө болж л хоосон хоцорсон. Гадны ямар ч шалтгаан тэнд байхгүй.
Өвчин зовлон тусаа­гүй, нам эвлэлээр ялгаварлаагүй. Тэд хэвлэл мэдээллийн мэргэжлийг
голцуу хойно Зөвлөлтөд эзэмшиж салбартаа “акул” байсан хүмүүс. Харин юм хийгээгүй
л байхгүй юу. Зүгээр ярьдаг хүмүүс байж дээ гэж харагдаад байдаг. Энэ ерөнхий зохион
байгуулагч Хэвлэлийн хүрээлэн бол Дани улсын Засгийн газраас чөлөөт хэвлэлийг Монголд
бий болгох зориулалттай бэлгэнд ирсэн олон нийтийн байгууллага. Тэд Монголд чөлөөт
хэвлэлийг бий болгоход тэгж их нэмэр тус болсон юм болов уу даа. “Чөтгөртэй” хэвлэ­лийг
л бий болгосон байх. Дан шар хэвлэлийг л дэмжихээс бус  үндэс­ний хэмжээний том ямар хэвлэл бий болгосон
юм бэ. Сонин хэвлэх үнэ гэхэд тухайн сонинд ямар ч ашиг гарахааргүй өндөр үнээр
хэв­лэ­дэг. Тэд үнээ буулгаж байсныг мэдэхгүй юм байна. Бүтэн сар хэвлэнэ гэж гуйхад
гурван төгрөг хямдруулж өгч байсныг л мэднэ. Ийм хэдэн байгууллага сүүлийн хоёр
гурван жил хэвлэлийн эрх чөлөөний хууль гаргана гэж  шуу­гиж давхиад байдаг боллоо. Гаргах гээд байгаа
хууль нь ямар хууль вэ.  Эзэн редакцидаа орж
болохгүй. Эзэн нийтлэл, нэвтрүүлэгт  орол­цох­­гүй.
Редакцийг эзэн мөнгөөрөө ажиллуулна. Редакци хүн гүтгэж буруу зүйл хийвэл эзэн хариуцна,
харин сэтгүүлч хариуцахгүй. Сэтгүүлч хүн гүтгэхэд ялгүй гэх зэрэг заалттай хууль.
Эзэн хэвлэл мэдээллийн байгууллагаас 33 хувиас илүүг эзэмших эрхгүй, мөн одоо байгаа
хөрөнгөө ах дүү авгай хүүхдэдээ хувааж өгч болохгүй  гэдгийг хажуу­гийн саналаар оруулж өгөх юм гэсэн.

Хэвлэл мэдээллийн ТББ-ын   ерөнхий санаа бол насаараа хэв­лэл мэдээлэлд
явсан биднийг хоо­сон байхад энэ муусайн баячууд телевизтэй байхдаа яах вэ дээ гэсэн
шүд зуулт л байна. Мөн хувийн хэвлэл мэдээллийг 
ингээд  нийгэмчилчихвэл надад хувь
оног­дож таарна гэсэн горьдлого энэ бүхний цаана байгаа болов уу. Эдгээр шүд зуулт,
мөн хоосон хоцорсондоо бачуурсан бачуурал, бас нийгэмчлэлээс юм хүртэж магад­гүй
гэсэн горьдлогоос болж  Монголд сүүлийн хорин
жил хөгж­сөн чөлөөт хэвлэл устах аюулд ороод байна. Эдгээр ТББ-ын  гаргаж 
байгаа хувийн хөрөнгө, хувийн хэвлэл мэдээллийг үзэн ядсан шийдвэр нь хувийн
хэвлэл мэдээлэлд тодорхойгүй байдал үүсгэж энд орох  хөрөнгө оруулал­тыг бүрэн зогсоож чадсан.

Харин өнгөрсөн  хорин жилд хэн хэн хувийн хэвлэл мэдээлэлд хөрөнгө
оруулж чадав. Лу.Болд, Ажнайн  Д.Бат-Эрдэнэ,
Женко Х.Баттул­га, Шунхлайн Г.Батхүү, Мон-Уран Б.Наранхүү, Гацуурт Л.Чинбат. Эдгээр
хүмүүс л байгаа. Сүр болгоод зарлаад байх ч юм байхгүй. Харин телевиз, сонин, сайтын
чанар чансаа ямар сайн болсон билээ. Өрсөлдөөн ч бий болж байна. Төрөлжиж ч байна.
30-аад мянган сэтгүүлч ажиллаж байна. Энэ бүхэн хөрөнгө оруулалт байвал хэвлэл мэдээлэл
хөгжиж чаддагийн баталгаа юм.

Манай  хэвлэл мэдээллийн ТББ-д  архи нэрэх, алт ухах хэвлэл мэдээлэлтэй байх гэмт
хэрэг гэж туж улиглаж байна. Энэ бүгдийг дөгөөдөг улстөрчид цаана нь олноороо байгаа
нь мэдээж. Тэд хэвлэл мэдээлэл бол зэвсэг гэдгийг мэддэг. Тийм учаас хэвлэл мэдээ­лэл
бужигнаж байвал өөрсдөд нь юм олдож магадгүй гэдгийг сайн мэдэж байгаа. Олохын тулд
ч Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль гэгчийг гаргаж ирчихээд анаад сууцгааж байна.
Тэгээд хэвлэл мэдээллийн удирдлагууд өөрсдөө хуралдаад хөрөнгө нийгэмчлэх нь зөв,
хөрөнгө оруулагч муухай шившгийн юм, реклам зар суртал­чилгаа шиг адгийн юм алга  гээд уриалга гаргаад байна гэж үү. Үүн шиг худал
юм байгаагүй.

“Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч,
Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Мягмарсүрэн  энэ
хэвлэл мэдээл­лийн удирдах ажилтны зөвлөгөөнд 
очоогүй. Дуулаа ч үгүй байх, бодвол хөдөө гадаа мод тарина гээд ярьж бай­сан.
Түүндээ  яваа байлгүй. “Өд­рийн сонин”-ы орлогч
эрхлэгч, төрийн соёрхолт нэрт зохиолч Б.Цэнддоо бас тэр зөвлөгөөнд байгаагүй. “Зөвлөгөөн
болсийм уу. Чи тэнд байв уу, юу ярьчихваа” гэж 
надаас сүүлд асууж байсан. Мон­голын хамгийн анхны хувийн өдөр тутмын сонин,
нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн үүсгэн байгуулсан “Өнөөдөр” сонины эрхлэгч Б.Нан­динтүшиг
тэнд байгаагүй. Монголын өдөр тутмын томоохон сонин болох “Үндэсний шуудан”-гийн
эрхлэгч,  сэтгүүл зүйн томоохон зүтгэлтэн
Б.Ганболд л лав байгаагүй. Орлогч эрхлэгч Г.Отгонбаяр нь ч очоогүй. “Зууны мэдээ”
сонины эрхлэгч, эзэд ч байгаагүй. Хамгийн анхны хувийн телевиз ТВ-25-ыг үүсгэн байгуу­лагч,
хөрөнгө оруулагч Н.Шүр хатагтай тэнд байгаагүй. Хамгийн анхны чөлөөт хэвлэл “Сэрүүлэг”-ийн
үүсгэн байгуулагч эзэн, эрхлэгч Баярмөнх, 
“Хүмүүс” сонины  үүсгэн байгуулагч
эзэн, эрхлэгч Хадбаа­тар нар ч харагдаагүй. “Улс төрийн тойм” сонины эрхлэгч эзэн
нэрт сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, “Өд­рийн шуудан” сонины эрхлэгч нэрт сэтгүүлч, яруу
найрагч Р.Энхтуяа буюу Эмүжин очоогүй. “Өглөөний сонин”-ы эрхлэгч нэрт сэтгүүлч
Л.Нинжжамц байгаагүй. МОНРТ-ийн захирал М.Наранбаатар бас бай­гаа­гүй. Монголын
Радиогийн захи­рал Цэрэн-Очир, ТВ-9-ийн эзэд, ТВ-5-ын эзэн УИХ-ын гишүүн Д.Саран­гэрэл
бай­гаа­гүй. News.mn-н захи­рал Тэмүү­лэн, Medee.mn-ын Отгон­­­баяр, Zindaa.mn-ийн
Чулуун­загд болон бусад олон олон сай­туудын эзэн байгаагүй. Мөн эд бүгдийн хөрөнгө
оруулагч нар нь очоогүй.

Эдгээр эрхмүүдийг л Монголын хэвлэл
мэдээллийн байгууллагын удирдагчид  гэнэ биз
дээ. Эдгээр нэр алдартай эрхлэгч сэтгүүлчид зэрэг эрхэм хүмүүс, дээр нь хөрөнгө
оруулагчид нь очоогүй байхад ямар юмных нь үндэсний чуулган байх юм бэ. Тэгээд тэнд
хэн очсон байх вэ. Дандаа гүйцэтгэх дунд тушаа­лын  албан хаагч нар очсон бай­сан. Мөн албаны дарга
нар ч харагдаж байв. Хөдөөний телеви­зийн дунд тушаалын дарга нар л байсан. Тэгээд
эдгээр хүмүүс эзэн, эрхлэгч, хөрөнгө оруулагчдаа төлөөлөх эрх бий юу. Мөн тэдний­хээ
хөрөнгийг нийгэмчлэх  гэх мэт зүйлийг ярих
ёс суртахууны болон хууль эрх зүйн чадамж бий юу. Дээр дурдсан “Хэвлэлийн эрх чөлөөний
тухай хууль” гэгч нь яригдаж байснаараа батлагдах юм бол Үндсэн хуулийн олон заалт
зөрчиж байгааг эдгээр хүмүүс ер нь анзаарч байна уу. Хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг
нийгэм­чилж бусад хүмүүс булааж авах нь Үндсэн хуулийн Хоёрдугаар бүл­гийн Хүний
эрх, эрх чөлөө гэсэн зүйлийн 16-ын гурвын 
“хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэм­ших, өмчлөх, өв зал­гамжлуулах
эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Мөн “…хувийн
өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө”. Тавдугаар зүйлийн
хоёрт “… Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэл­бэ­рийг хүлээн зөв­шөөрч,
өмчлөг­чийн эрхийг хуулиар хамгаална.” Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн нэгд “Монгол
Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хоёрт
“…Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн олон зүйл заалтыг зөрчихөөр байна.  Хамгийн ноцтой нэг зүйл нь дээрх зөвлөгөөн нь
нэр зээлдэн хууран мэхэлж байгаа юм биш үү. Хэвлэл мэдээллийн удирд­ла­гууд очоогүй
байхад очсон мэтээр төөрөгдүүлэх нь хууран мэхлэлт биш үү. Ер нь тэгээд хэн эдгээр
зөвлөгөөнийг зохион бай­гуулсан хүмүүст хэвлэл мэдээл­лийн эздийн өмнөөс шийд­вэр
гаргахыг зөвшөөрсөн юм бэ. Хэвлэл мэдээллийн эзэд ч бас энэ тал дээр анхаарал болгоомжтой,
сонор соргог баймаар юм. Хуучин бол эдгээр ТББ юу дуртайгаа ярьж, мэдэгдэл хийж
байдаг байсан. Тэднийг хэвлэл мэдээллийн бай­гуул­лагууд тоож авч хэлэлцдэггүй байв.
Тэгвэл эд нарын энэ дэмий донгосолт одоо айхтар хор уршиг дагуулж мэдэхээр болоод
байна. Өнгөрдөг жил анхдугаар зөвлөгөөн хийв гээд хэвлэлийн эрх чөлөөний  хуулийг гаргаад ирсэн. Энэ ямар хууль болоод байгааг
дээр өгүүл­сэн. Одоо дахиад хэдэн дунд тушаалын удирдах ажилтан цуг­луул­чихаад  эзэн ирэв, тэгээд зөвшөөрөв  гэж худал хэлэн дахин  нөгөө хуулиа гаргахаар санаархаж байна. Энэ хууль
дээр дурдсан Үндсэн хууль зөрчихөөс  гадна
мөрдөгдөх боломжгүй хууль гэдгийг яагаад анзаарахгүй байна вэ. Хэвлэл мэдээллийн
ТББ-ууд болон УИХ-ын гишүүний уланга­сан батлуулах гэж мөрөөдөж бай­гаа хууль Монголд
ажиллаж байгаа гадаадын хэвлэл мэдээллийн бай­гуул­лагуудад үйлчлэх үү. Ёстой гонжийн
жоо байлгүй. “Блүүмбэрг” телевизийнхэнд манай хууль ийм, танай хэвлэл мэдээллийн
байгуул­лагын  30-аас илүү гарсан  хувийг бид авна. Заавал дөрвөн хүн эзэн нь байх
ёстой гээд   зогсож байх юм уу. Гадаадад байгаа
монголчуу­дын цахим сайт байна. Та нар редакцидаа орж болохгүй шүү. Заавал редакцитайгаа
гэрээ хий гээд байж байх уу. Эцэст нь хэлэхэд манай хэвлэл мэдээллийн энэ олон ТББ-ууд
ганц сэтгүүлч цалин­жуулж үзсэн үү. Ганц сэтгүүлчийн цалин олгож үзээгүй байж эзэд
нь олон болбол болно гээд байдаг нь ямар учиртай юм бэ. Эзэн олон болохлоор тэд
сэтгүүлчээ цалин­жуу­лах юм уу хаашаа юм. Хөрөнгө оруулагчаас нь салгачихаад, дээрээс
нь редакци реклам хийж болохгүй. Харин олон эзэдтэй л байвал болоод явчихна гээд
бай­гаа нь үнэхээр амьдрал мэдэхгүй хүмүүсийн бодол юм гэхээс өөр яалтай. Бас нэг
юм байна. Монголд гурваас  дээш эзэнтэй байгууллага
дампуурдаг нь бичигдээгүй хууль юм. Та бүхэн бод доо. Хэдүүлээ нийлээд сайхан аваад
явж байгаа байгууллага ер нь манайд байгаа юу. Хэвлэлийн байгууллага дор хаяж дөрвөн
удирдлагатай байх нь зүйтэй гэснийг нийтлэлийн эхэнд хэлсэн. Редакцид нэг эзний
эрх ашиг үйлчилдэг байсан бол одоо дөрвөн эзний эрх ашиг үйлчлэхээс өөр ашиг тус
энд бий юу.

 Хэвлэл мэдээллийн ажилтны
үндэсний зөвлөгөөн гэж ийм л юм боллоо доо. Ийм хууль зөрчсөн элдэв мэдэгдэл зэрэг
зүйлийг хийж нийгэмд нөлөөлж хувьдаа нэг жаа­хан эрх ашиг олох гэсэн төрийн бус
байгууллагуудыг цаашид байлгах хэрэг байгаа юм уу. Эдгээрийг хориглосон хууль баталсан
ч яадаг юм бэ. Бас нэг гол зүйл нь хувийн хэвлэл мэдээллийн эзэд сонор соргог баймаар
байна. Тэд хаана юу болж байгааг мэддэг, бас өөрс­дийн хэвлэл мэдээлэл дээр хөрөнгө
нийгэмчлэх, хөрөнгө мөнгөтэй хүмүү­сийг элдвээр баалах зэрэг нийтлэл, нэвтрүүлгийг
гаргахыг болиулмаар юм.

Categories
редакцийн-нийтлэл

Олигархиудын дунд огиж байхаар одоо ингээд больчихвол яасан юм бэ?

Сүүлийн үед Их хурлын гишүүд ялангуяа залуу гишүүд
ганцаараа тодрох гэж янз бүрийн арга чарга хэрэг­лэх болжээ. “Манай нам муу­хай,
олигархиудаар дүүрсэн. Намын бодлого надад таа­лаг­­дахгүй байна. Би бол шудар­га
хүн, ард түмнийхээ төлөө зүтгэж яваа” гээд эхлэх юм. Тэдний ийм байдал улс төр бужигнаанд
орж хавар, намрын чуулган эхлэх, улс орны цаашдын хувь заяаг шийдсэн олон чухал  хуулиу­дыг хэлэлцэх үеэр бүр илүү­тэй анзаарагдах
боллоо. Нийг­мийн бүхий л давхарга фокусаа саарал ордон руу тусгасан үед “ажлаа”
хийхээ тэд эрхбиш  мэднэ. “Яг энэ сиймхийг
ашиглаж үгээ хэлэх хэрэгтэй” гэх зарчмаа аль эртнээс тодорхойлчихсон байгаа. Тэгээд
нэг их шударга царайлсан хүмүүс сонин, теле­визэд ярилцлага өгч наанаа эх орон,
ард түмэн минь гэсэн атлаа цаанаа өчүүхэн эрх ашиг, нэр төрийн  төлөө  ажиллаж
эхэлж байгаа нь яалт ч үгүй анзаарагдах нь бий.

Их хурлын танхимд иймэр­­хүү төрийн түшээд байгааг
ний нуугуй хэлье л дээ. Ж.Батзандан, Г.Уянга, С.Ганбаатар нарын залуу гишүүдээс
дээр өгүүлсэн өнгө аяс, өнөө л шударга царайл­сан хуурамч төрх илүүтэй мэдрэгддэг.
Намтайгаа, намын бүлэгтэйгээ өглөө орой өдөр шөнөгүй дайтсан,  шударга ёсны төлөө тэмцсэн тэгээд тусыг эс олсондоо
машид зовцгоосон, зовлон­той хүмүүс л байх юм. 
“Би үнэндээ нам дотроо ганцаар­даад байна. Бүгд миний эсрэг боллоо. Миний
эсрэг байна гэдэг чинь ард түмнийхээ эрх ашгийн эсрэг байна гэсэн үг биз дээ” гэх
утгатай мессе­жийг зогсоо зайгүй нийгэмд хаяж өөрсдийгөө сурталчилж эхэлсэн. Тэднийг
иймэрхүү зүйл яриад эхлэхээр иргэний хөдөлгөөнийхөн ханддаг, үйлдвэрчний эвлэл юм
уу, төрийн бус байгууллага бай­гуу­лаад жижигхээн эрх ашгийн төлөө, баялаг бүтээж
ажилтай, орлоготой Монго­лыг бий болгож буй хувийн хэвш­лийнхний эсрэг тэмцэ­хээр
санаа шулуудсан хэдэн нөхөд ирнэ. Даруйхан бүс­лээд авна. Хуулийн төсөл санаачлахыг
санал болгоно. Ингээд Уянга, Батзандан, Ганбаатартангууд иргэний хөдөлгөөн, үйлдвэрчний
эвлэ­лийнхэнтэйгээ нийлж аваад намынхаа эсрэг, төрийн­хөө эсрэг, ард түмний сайн
сайхан амьдралын эсрэг тэмцээд эхэлнэ дээ. Үүгээрээ тэд өөрсдийгөө тодроод бусад
түшээдээсээ ялгараад байна гэж боддог байх. 
Өнөө “дуулсан дуундаа өөрөө уяраад” гэдэг шиг. Үнэндээ эрх баригчдын эсрэг
зоримог­хон хэлж буй үг, хийж буй үйлдэл нь залуу гишүүдийг нийгэмд тодруулдаг л
даа. Гэтэл аливаа зүйлийн наад цаадахыг ойлгодог, учир мэдэх, юунд ч болов ултай
суурьтай ханддаг хүмүүст  “шударга” түшээдийн
аяг ааш үнэндээ инээдэм шүү дээ. Жүжиг гэдгийг нь бүгд мэдэж байгаа. Хий хоосон
зүйл, зүгээр л дүр эсгэлт гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Захын хүн гадарлах болсон.
Харин “нялх Сэнгүм”-үүд маань үүнийг мэдэж баймаар юм. Өөрсдийгөө буруу замаар явж,
маш богино зайны өнөө маргаашийн улс төр хийж байна гэдгээ ухаармаар юм. Огт ухаарахгүй
байгаа нь хачирхалтай, хатуухан хэлэ­хэд эмгэнэлтэй юм даа.

Хамтран зүтгэгч зорилго нэгт нөхдөө муу муухайгаар
дуудах, олигархи энээ тэрээ гэж цоллох нь наанаа улс төр гэж цайруулавч хүн ёсныхоо
хувьд   энэ нь увайгүй зан. Эгэл жирийн амьдрал
дээр энэ нь дэндүү увайгүй, ёс зүйгүй  болж
хувирдаг. Ерөөс тийм ч харагддаг. Энгийнээр жишээ аваад үзье. Нэг ширээ­ний ард
нэгэн санаа бодол­той сууж үзэл бодлоо хуваал­цан, ажил төрлийн гэрээ хэлэл­цээр
хийж гэмгүй сай­хан нөхдийн хүрээнд сэтгэл нэг байчихаад тухайн өрөө­нөөс гарангуутаа
хамтран зүтгэгчээ хулгайч дээрэмч­нээр нь дуудаж, хүний адаг мэтээр яриад байвал
тэр хүн өөрөө ямар харагддаг билээ. Тийн хэлж ярьж буй хүнийг бусад нь яаж хүлээж
авах уу. Өөрийг нь л “ёстой хүний адаг юм даа, үүнтэй нөхөрлөвөл алуулах нь байна
шүү” гэж бодоод өнгөрнө биз дээ. Хүмүүний амьдралын бичиг­дээгүй хууль бол энэ.

Түүн лүгээ адил эрхэм төрийн түшээд минь Их хур­лын
танхимд нүүр нүүрээ харж, тохой нийлүүлж суу­гаад Монгол төрийн төлөө итгэл, сэтгэл,
зорилго нэг гэчихээд хоёрхон алхаад нэгийгээ олигархиар нь дуу­даж “Монгол төр,
Монголын ард түмний  эсрэг явж байна” хэмээн
хэвлэл мэдээллээр зарлахын хэрэг байна уу даа. Ядахад эргээд уулзах нүүр гэж нэг
юм бий дээ . Эл бүг­дийг өгүүлсний учир саяхан Батзандан гишүүн өдөр тут­мын нэгэн
сонинд өгсөн ярилц­лагадаа “Олигархиуд юу ярихыг сонсох гэж би бүлгийнхээ хуралд
суудаг” гэж ярьсан байна лээ. Тэгээд намынхаа олигархиудын дунд ихэд огиудас нь
хүрч бөөлжис нь цутгаж байгаа маягийн юм хэлсэн байна лээ. Гэхдээ өнөө олигархиудаа
бас нэрлэчихэж чадахгүй байна лээ. Эрхэм гишүүний огиудсыг хүргэж бөөлжсийг нь цутгуулж
бүлгийн хуралд суухад чимээгүйхэн тамлаж буй нөхдүүд  хэн байж таарах уу. Ардчилсан намаас  төрд тодорхой хэмжээний алба хашиж дээр нь төрийн   мөн­гөөр хөрөнгөжсөн гэх хүмүү­сийг хэлнэ байх
даа.  Тэгэх­лээр ардчилсан намын  бая­чуу­даас нэрлэх нь зөв болов уу.  Гэхдээ эдгээр нөхөд төрийн мөнгөөр баяжиж олигар­хи
болсон гэдэг нь  одоохондоо мэдэгдээгүй бай­гааг
хэлэх нь зүйтэй болов уу. Ардчилсан намын нөхдөөс арай бэл бэнчинтэй нь гэвэл Д.Зоригт,
Г.Батхүү, “Ажнай”-н Бат-Эрдэнэ, “Женко” Баттул­га, “Мон-Уран”-ы Б.Наран­хүү, Лу.Болд
энэ хэд лав орно байх. Та хэд хажууд чинь хүн огиудсаа барьж ядан суугааг ер нь
анзаардаг уу. Ардчил­лын төлөө цохилох зүрхтэй юм гэж, аргагүй байдалд орж орон
шоронгийн хадаас болох нь гэж, залуу хүний зүрх зоригийг нь мохоогоод яах вэ гэж  намдаа элсүүлээ байх. Тэгж ч үзэж нөмөр нөөлөг
болж одоо хүртэл хажуудаа авч яваа биз. Гэтэл та нар ингэж өөрчлөгдсөн юм уу, танай
залуус та нараас ийм өөр юм уу.

Харин  журмын
нөхдөө олигархиар цоллон огиудсаа хүргэж байхаар эрхэм залуу түшээд минь Их хурлын
танхимаа орхиод өгвөл яасан юм бэ. Намынхаа бүлгийн хуралд суухгүй юм бол та гишүүн
байгаад яах вэ. Намын батлахаа даргадаа өгчихөөд Их хурлын гишүү­ний үнэмлэхээ хууль
жур­мынх нь дагуу хураалгачи­хаад гудмандаа гарвал зүгээр бус уу. Өөрийн хүсэлтээр
Их хурлын танхимыг орхиж болно шүү дээ. Тэр эрх таны өмнө нээлттэй байгааг эрх биш
мэднэ байлгүй дээ. Хэр­вээ гишүүнээсээ татгалзаж чадахгүй юм бол жүжиглэхээ болих
хэрэгтэй. Шударга царайлсан хуурамч дүр эсгэн бусдаасаа ялгарах гэсний, өөрийгөө
тодруулах гэсний хэрэг байхгүй.

Шударгад ч хэмжээ бий. Хэмжээ нь хэтэрсэн шудар­гуу­дын
түүхийг бид хэтэрхий их мэднэ дээ. Ардын хувьс­га­лын шударга гарууд эх эцгээ ногоон
малгайтанд барьж өгдөг тухай, тэднийгээ энэ хорвоогийн муу муухайгийн туйл байсан
тухай ярихыг бид уншиж байсан. Киноноос үзэж байсан. Залуу гишүү­дийн шударга зүтгэл
тэр гашуун түүхийг санагдуулаад байх юм. Ямар ч ялгааг би олж харахгүй байна. Ардын
хувьс­галд үнэнч байх, Ард түмний төлөө хөдөлгөөнд үнэнч байх хоёрын ялгааг. 

Өөрийн итгэл үнэмшил, бас ч үгүй зорилго чиглэлдээ
хөтлөгдөн намын гишүүн болж улмаар Их хурлын тан­химд суух дархан эрхтэй бол­сон
бол намынхаа шийдвэ­рийг үг дуугүй дагах, даалгав­рыг нь биелүүлэх  эрхтэй. Энэ бол эрхэм түшээдийн үүрэг. Гишүүдэд
бүлгийнхээ хуралд сууж бодлого тодорхойло­хоос аваад өөр олон ажил байна шүү дээ.
Монгол төрийн ажил ар араасаа ундарч байгаа нь мэдээж. Дахиад хэлэхэд, бүлгийн хуралд
сууж бодлого ярих гэж улс орныхоо хувь заяаг ший­дэл­цэх гэж та намын гишүүн болж,
улмаар Их хурлын сон­гуульд өрсөлдсөн юм байгаа биз дээ. Тэгчихээд дараа нь журмын
нөхдийнхөө эсрэг, намынхаа эсрэг зогсоож байж болохгүй байх аа. Намаа жийж өөрсдөө
тодор­но гэдэг хоцрогдсон асуудал. Харин одоо чинь намаараа нийлж, бүлгээрээ хэлэлцэж
аливаа асуудалд ул суурьтай ханддаг цаг ирээд байна.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Монголчууд “хадны завсар”-аас гарч чадах эсэх нь өөрсдөөс нь шалтгаална

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг
саяхан Япон улсад айлчлаад ирсэн билээ. Уг айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхий
сайд нар “Монгол Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийг үзэглэсэн
юм. Судлаачдын үзэж буйгаар энэ нь Монгол, Японы харил­цаа “иж бүрэн түншлэлээс
стратегийн түншлэл”-ийн харил­цаа руу шилжиж байна гэсэн үг. Иж бүрэн түншлэл гэдэг
нь бүх салбарт харил­цаа­гаа хөгжүүлэх, үндсэндээ харилцааны эхний үе шатууд гэсэн.
Харин стратегийн түнш­­лэл бол өөр. Хоёр улс маань улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн
салбарт хам­тарч ажиллана гээд Засгийн газрын тэргүүнүүд нь тийнхүү гарын үсгээ
зураад баталгаа­жуул­чихлаа.

“Монгол Японы страте­гийн түншлэлийн
дунд хуга­цаа­ны хөтөлбөр” гэх энэхүү гэрээг одоо энгийнээр тайл­бар­лах гэж оролдъё.
Ард түмнийхээ ахуй амьдрал, улс орны хөрсөн дээр буулгаад үзье л дээ. Ямар учир
жан­цан­тай гэрээг Ерөнхий сайд Японы талтай хийчих вэ гэхээр ийм юм. Стратегийн
түншлэлийн гурван тулгуур бодлогын нэгд эдийн засаг зүй ёсоор орж байна. Тод­руул­бал,
Япон улс манайхтай эдийн засаг уул уурхайн сал­барт нягт ажиллахаар болж, бааз суурь
нөхцөл байдал нь бүрдээд байна. Энгийнээр хэлэхэд, манайд хөнгөлөлт­тэй нөхцөлөөр
зээл өгөөд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэр­лүүлнэ. Тэгээд эцсийн бүтээг­дэ­хүүнийг нь
худалдаж авах, мөн нааш цааш нь худал­дахад туслалцаа үзүүлнэ гэсэн гэрээ хийчихээд
ирлээ.  Үүнийг наад захын жишээ болгон төмөр
дээр аваад үзье. Төмөр агуулсан чулууг олборлож ган хайлуулах үйлд­вэрт аваачин
боловс­руу­лаад ган цутгадаг. Ган гэдэг бол эцсийн бүтээгдэхүүн. Гантай байхад бид
барилгын салбар буюу бүтээн байгуу­лалт­даа толгой өвдөх зүйлгүй болоод ирнэ. Мөн
тэр үйлд­вэр­лэсэн ганг нь Япон худал­даж авна гэсэн үг. Ерөнхий сайдын айлчлах
үеэр Наран улсын томоохон компаниу­дын төлөөлөл ээлж дараалан биечлэн уулзсан байдаг.
Дар­ха­ны газрын тосны үйлд­вэрт хөрөнгө оруулах гэж байгаа “Марубени”, тавду­гаар
цахилгаан станцын төсөлд хамтарч буй “Сожиц”, Францын Ареватай ураны төсөл дээр
хамтрахаар гэрээ байгуулсан “Мицүбиши” зэрэг Монголд хөрөнгө оруулах гэж байгаа
компаниудын төлөөл­лүүд, дэлхийн нэртэй толгой бизнесмэнүүд юм.

Тэд Ерөнхий сайдаас хөрө­н­гө оруулалтын
орчноо сайжруулж, тодорхой болго­хыг хүсээд Монгол Улстай цаашид хамтарч ажиллахад
бэлэн гэдгээ хэлсэн. Тухайн үеэр “Бэрэн” групп “Мару­бени”-тай гангийн үйлдвэр байгуулахаар
болсон. Уг гэрээ хэлцэлтэй холбогдуулж Японы Засгийн газраас урьдын­хаараа бага
хүүтэй, урт хугацаатай зээл олгохоор болсон билээ. Тэрхүү хөнгө­лөлт­тэй зээлийн
үр шим болон арлын орны техник, технологийн хүчинд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Тэгээд өөрсдийн зээл тус­ламж хөрөнгө мөнгөөр үйлд­вэр­лэгдэж, боловсруулагдаад
гараад ирсэн бүтээгдэхүүнийг япончууд худалдаад авчихна. Манайх гангийн үйлдвэрээс
гадна зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуудал дээр Япон­­той хамтрах сонирхлоо илэрхийлсэн.
За тэгээд ца­хил­­­гаан станцын ажил байна. Таван толгой дээр хувь эзэм­ших хүсэлтэйгээ
япон­чууд илэрхийлдэг. Тэгвэл сая Мон­го­лын Засгийн газраас Таван толгойн дэд бүтэц
дээр хамт­раач гэсэн санал тавь­сан. Энэ нь яваандаа коксж­сон нүүрс болоод хүрэн
нүүрс­­ний хувь заяатай хол­бог­дож эхлэх нь мэдээж. Ингэж л Монголын эдийн засгийн
салбарыг япон­чууд хөдөлгөөнд оруулж, шинэ шатанд гарган хувьсал хийх эхлэл тавигдлаа
гэж хэлж бүрэн болох юм.

Уул нь монголчууд бид амихандаа бүтээгдэхүүн
үйлд­­вэрлээд дэлхийн зах зээлд гаргах гэж үздэг. Гэвч хойд, урд хоёр хөрш маань
тоож авахгүй болохоор үйлд­вэр­лэсэн бараа маань тэгээд л хог болж хоцордог нь га­шуун
үнэн. Ийм нэг гачаал, гачигдлаас л биднийг арлын орныхон аварч байна уу даа. Үүнтэй
уялдуулаад хэлэхэд, бид “Хадны завсар хавчуу­лагд­сан халиуны зулзага хөөр­­­хий
дөө” гэж мөн чиг олон жил дуулж байна. Чингэ­сийн эзэнт гүрэн мөхсөнөө­сөө хойш
ялангуяа Тогоонтө­мөр хааны буцаж ирснээс хойш ингэж дуулж байгаа болов уу гэж би
боддог юм. Яагаад ингээд өрөвдөлтэй нь аргагүй дуулаад байдгийн цаад учрыг тайлбарлах
нь илүүц биз дээ. Ерөөсөө л хөрштэй­гээ холбоотой шүү дээ.

Орос, Хятад гээд дэлхийн хэт том гүрний
дунд аж төрж суугаа үндэстэн билээ, мон­гол­чууд. Энэ хоёр том гүрний дунд бид бүхэн
ёстой л халиу­ны зулзага шиг явж ирлээ. Мөн эдгээр хоёр гүрний ааш авираас болж
Чингэсийн Мон­­голын мандах бадрах, мөхөн доройтохын эх үндэс тавигддаг. Ядах нь
ээ, хоёр хөрштэйгээ олон жилийн дайн тулааны түүх гэж бий. Эл бүгдээс улбаалан хойд,
урд хоёр хөрш маань монголчуу­дыг тэгтлээ мандан бадраа­хыг боддоггүй, үгүйдээ л
гэхэд болгоомжлох сэтгэлгээ аль алинд нь байж л байдаг. Цаг мөнхөд айл хөрш явж
ирсний хувьд сөнөөхийг бас бодоод байдаггүй л байлгүй дээ. Ерөөсөө нэг тиймэрхүү
үлгэн салган аж төрүүлэхийг хүсдэг юм шиг ээ.

Тэгвэл “халиуны зулзага” монголчуудыг
туулж ирсэн хавчигдмал амьдралаас нь гаргаж, үндсэндээ хадны завс­раас нь суга татахыг
япончууд эрэлхийлээд байгаа юм биш үү. Туурга тусгаар Монголын ард түмний “хав­чуу­лагдсан
хад”-наасаа гарч хөгжиж дэвшихийг манай гурав дахь хөрш Япон дэмжиж байна. Эл бүгдийг
бодогдуул­сан, улс орноо хөгжил цэцэг­лэл­тийн шинэ эринд аваач­сан түүхэн гэрээг
Ардчиллын Засгийн газар, Алтанхуяг сайд хийгээд ирлээ. Одоо бид асуудалд ухаантай,
ултай суурьтай хандах учиртай. Нам замаар талцаж, би чи-дээ хүрч жижигхээн загнах
эрхгүй. Улс орныхоо ирээдүй хөгжил дэвшлийг бодоод нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэх
цаг иржээ. Төр засгаас томоо­хон бизнесмэнүүдээ дэмжиж уул уурхайн салбарт оруулж
ирмээр байна. Японы толгой компаниудтай харилцаагаа улам лавшруулж Монголдоо ган
гэдэг шиг эцсийн бүтээг­дэхүүн үйлдвэрлээд дэлхийн зах зээлд гаргадаг болмоор байна.
Хувийн хэвшлийнх­нийг ч энэ чигт сайн татан оролцуулах шаардлага тул­гар­чээ. Энэ
бүхнийг хувийн хэвшил л нуруун дээрээ үүрч чадна. Япончуудын манай Засгийн газартай
хийсэн стра­тегийн гэх уг гэрээ зүгээр нэг амаар яриад өнгөрөх зүйл биш шүү. Бид
бүхний хуучин ярьдаг үлгэр шиг зүйл биш гэдгийг хаана хаанаа бодолцох хэрэгтэй.
Үүний бэлээхэн жишээ гэхэд “Япон, Хятадын хоорондын харил­цаанд гарсан зарим нэг
асуу­дал хоёр талын ерөнхий байдалд нөлөөлөх ёсгүй. Хоёр орны хувьд найрсаг харилцаа
нэн чухал юм” гэх утга бүхий мэдэгдлийг Японы Засгийн газар Гадаад харил­цааны яамаараа
дам­жуулж Япон, Хятадын най­рам­дах гэрээнд гарын үсэг зурсны 35 жилийн ойгоор мэдэгдсэн
билээ. Япон улс Хятадтай  найрсаг харил­цаа­тай
байж л хятадууд манай бүтээг­дэхүү­нийг хилээр саад­гүй нэвт­рүүлж хүлээн авна биз
дээ. Тэр бүх зүйл дээрх мэдэгд­лээс харагдаж, бүр цаанаа бол Монголын Зас­гийн газар­тай  байгуулсан гэрээ бодит ажил гэдгийнх нь баталгаа
болж өглөө. Япон бол Орос улстай найрамдал харилцаа­ны түншлэлтэй билээ. Тэгэ­хээр
Орос руу бүтээгдэхүүн гарахад асуу­дал­гүй байх. Ийм л бүтээн байгуулалтын шинэ
үеийг арлын орныхон бий болгож өглөө.

Дахиад хэлэхэд монгол­чууд бид өөр
хоорондоо намаар талцалгүй, хөдөл­гөөнүүдийнхээ хөөрцөглөлд авталгүй баймаар байна.
Монгол Улсад Монгол гэсэн ганцхан нам, Монголын гэх ганцхан төрийн бус байгуул­лага
байх хэрэгтэй. Үндсэн­дээ улс орны бодлогыг зан­гид­сан бүтээн байгуулалт, хөгжил
дэвшлийг дэмждэг, баялаг бүтээж яваа нэгнээ буу тулгаж рекэтлэх биш тэдэнд гүүр
гарц нь болдог төрийн бус байгууллага буюу иргэ­ний хөдөлгөөнтэй болох нь зөв юм.
Алийн болгон бага хаадын хядалцаан шиг бие биенээ үгээр хядаж, санаа­чил­сан ажлыг
нь унтрааж, тэнэг муйхраар эсэргүүцэж байх вэ. Монгол гэх нэрийн дор, Монгол гэх
ганцхан намын дор бүгдээрээ нэгдэц­гээе. Тийм цаг үе ирснийг Шинэчлэлийн Засгийн
газ­рын Япон улстай байгуулсан гэрээ харууллаа, нөхөд минь.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

“Өгүүллэгт ч ая хийхээр хүн”

Ж.Нэргүй түүнийг нэгэнтээ ингэж хэлсэн
нь бий. Тэр бол үнэндээ авьяас билэг нь асгарч явдаг хөгжмийн зохиолч л доо. Хэний
тухай өгүүлээд унав гэдгийг уншигч олон төвөггүй мэдэж ба­гаа. Манай сонины энэ
дугаарын зочин Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Бадарчийн Бямбабаяр. Эл эрхмийг
хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн гэдгээр нь бус Монголын зохиолын дууны хөгж­мийн
урлагт шинэчлэл хийсэн, өнөө цагт жин дарахуйц уран бүтээлчийн нэг гэдгээр нь хүлээж
авах нь чухал санагдана. Түүнээс дарга даамал нь яах вэ. Тамга барьсан сүрхий хүн
л байдаг, ачир дээрээ хөгжмийн зохиолчдын хол­боо маань зовлонтой газар. Өөрийн
гэсэн орон байр гэж байна уу, саяхан л түрээсийн байранд тууж явсан даа. Уг холбоог
удир­даад удаагүй байхдаа тэрээр бүр нэг цөхрөнгөө барчихсан “Түрээ­сийнхээ мөнгөө
төлөх гэж бүтээлээ хүртэл зарж байна” гээд Д.Лувсан­шарав, Ц.Нацагдорж, Г.Алтанхуяг,
М.Хатанбаатар нарын үе үеийн удирдлагуудынхаа зовлонг яс махаараа амсаж буйгаа хэлсэн
байдаг. Гэхдээ өөрийн нэр нүүр байна, бүтээл туурвил нь байна хөгжмийн зохиолчдынхоо
байгуул­лагыг айлын дайтай авч яваа. Уран бүтээлийн нөхөд нь түүнийг ули­раан сонгосон
нь нэгийг хэлэх биз ээ.

Б.Бямбабаярын “Эзэн заяа” нэртэй цэнгүүн
Дуурийн театрт хэдэн жилийн өмнө болж билээ. Хэн бүхний зүрх сэтгэлд хадаатай явж,
цээжин цаанаас нь түлхээд байдаг өнөө л сул асгарсан аялгуу­нууд нэгэн тайзнаа эгшиглэн,
дуунд дуртай түмнийхээ хужирхайг тэ­нийлгэсэн удаатай. “Газрын цэн­хэр нүдэн”,
“Орхон түшээ мөрөн”, “Эрийн сайхан хийморь”, “Би мон­гол хүн”, “Эзэн заяа” гэх мэргэж­лийн
бүтээлүүд симфони оркест­рийн дор цалгин давалгаалж, хөгж­мийн зохиолч маань уран
бүтээлч хүнд олддог жаргалын дээдийг эдэлж суусныг нь санаж байна. Тоглолтын дундуур
шиг билээ, Тангадын Галсан гуай тайзнаа гараад “Энэхүү авьяас билэгт хүү миний нэг
шүлгэнд тоож ая хийсэн нь тэртээ ерээд онд юм” гээд өнөө Бямбабаярт чинь хадаг ном
гар­дууллаа. Тэгснээ нэг хацрыг нь зөөлөн үнсэж нөгөөг нь чангахан алгадчихаж билээ.
Нэг бодлын сануулга, нөгөө бодлын их хайр юм даа. Бямбабаяр Р.Чойномын “Ундааны
дээж архи нь болбол…” гэх дуунд аялгуу хийгээд баларсан хүн. Балрах юу байхав,
уг дууныхаа ая аялгуунд хэсэгтээ л алгадуу­лахгүй юу. Гэхдээ тийн алгадуулж, сагаж
явах үедээ л манай хүн “Морин хуур” наадамд гурав маг­найлан бөхөөр бол дархан аварга
болж, ааг бяр нь амтагдаж байв. “Би чинь Лувсаншарав, Мяасүрэн, Шарав, Жанцанноров,
Билэгжар­гал, Чинзориг, Алтанхуяг, Баттөмөр гээд дууны их мастеруудыг бүтээ­лээ
их туурвиж байх үед Морин хуурт гурав түрүүлж, найман удаа шөвгөрсөн дөө” хэмээн
аатай омогтой, бахархал дүүрэн өгүүлсэн нь ийм учиртай. Тэр бол зохиолч­дын шарыг
малтаж жинхэнэ торгон сайхан шүлэг бичүүлж аваад түүн­дээ даацтайхан аялгуу хийдэг
шазууртай эр. “Эзэн заяа” гэж сайхан дуу бий. Ардын жүжигчин Чинзаяагийн Мөнхшүр
дуулж олонд хүргэсэн билээ. Уг дууны шүлгийг Цэндийн Чимэддорж най­рагч бичсэн юм.
“Дэрэнгийн хар азарга” Чимээ агсныг “Үнэхээр л онгодтой найрагч юм бол надад нэг
шүлэг өгөөч” гэж аазгайг нь хөдөлгөж байгаад “Араажавын малчны редакци”-д “Эзэн
заяа”г бичүүлж байсан гэдэг шүү. Мөн түүний “Газрын цэнхэр нүдэн” гэж үнэн лайтай
дуу бий. Ерэн долооны “Морин хуур” наадамд Бямбабаяр энэ бүтээлээрээ аман хүзүүддэг
юм аа. Жанцанноровын нэг дуу түрүүл­дэг юм. Гэтэл ард түмэн “Бямбабаяр түрүүлэх  байсан юм, Газрын цэнхэр нүдэн яалт ч үгүй аварга
дуу юм” гэцгээж сонин хэвлэлээр ч шуугиж байв. Пүрэв­жавын Ганбат агсныг Буриадаас
дуудуулж авчраад “Газрын цэнхэр нүдэн”-гээ дуулуулж байлаа. Харин уг бүтээлийг өөрийнх
нь цэнгүүн дээр залуухан гавьяат Э.Амартүв­шин дуулж олонд хүргэсэн. Тийн­хүү ерэн
долоон оны “Морин хуур”-т аман хүзүүдсэн тэрээр дараа жил нь Бавуугийн Лхагвасүрэнгийн
“Эрхлэхийн заяатай Монгол” билүү дээ, тийм нэг дуунд аялгуу хийгээд л гурав дахиа
түрүүлсэн юм даг.

Түүнийг уран бүтээлчээс гадна хувь
хүнийх нь хувьд жинхэнэ хүн чанарын туйл гэж найз нөхөд нь үнэлдэг. Намдагийн Төмөрхуяг
дуучны хэлсэн үг санаанаас гар­даг­гүй юм. Төмөрхуяг дуучныд хар үүрээр Бямбабаяр
давхиад очиж л дээ. Шартчихсан амьтан очихгүй юу. Тэгтэл багш нь (төрийн шагналт
Цэдэн-Ишийн Чинзориг) байжээ. Үндсэндээ Чинжиг, Төмөрхуяг хоёр дундаа нэг “юм” тавиад
сууж байж. Хичнээн шартсан ч гэсэн багшийн­хаа дэргэд ганц ч хундага тогтоол­гүй
гарсан гэж байгаа. Тийм л ёс жаяг, хүндэтгэл мань хүнд байдаг. “Ундааны дээж архи
нь болбол…” гэж төгөлдөр хуураа “уйлуулсан” тэрээр гэзэг Алтангэрэлтэйгээ хамтарч
“Эрийн сайхан хийморь” хэмээх дуу хийгээд л дахиж сархдыг хүртээгүй юм билээ. Шаравын
Сүрэнжав гуай Далай багшид хадаг бариад, Балжирын Догмид аавдаа тангараглаад архийг
орхиж байсан бол Бямбабаяр “Эрийн сайхан хийморь” дуу хийгээд л ийнхүү орхисон түүхтэй.
Түүнийг хайрлах нэг шалтгаан бас бий. Тэрээр Д.Лүндээжанцанг Их хурлын дарга байхад
нь “Арвайхээрийн цэнхэр хавар” дуунд нь аялгуу хийгээд өнөө Лүндээг чинь “Таван
шар”-ынхаа байшинд дуудаж, дуугаа сонсгож байсан. Их хурлын дарга харуул хамгаалалтын
нөхөдтэйгээ Бямбабаярынд очиж “Арвайхээ­рийн хавар”-аа сонсч байсан нь бас л түүх.
Өөр нэг нөхөр байсан бол Их хурлын даргад яаж долигонож,  өрөөнд нь очиж сонсгоод хэрхэн зулгуйдах байсан
бол оо. Гэвч Бямбабаяр тэгээгүй л хүн. Бороо­хойн Батхүү найрагчтай “Идэр их мөрөн”
дуу хийгээд мөн л “Морин хуур”-т аман хүзүүдсэн. “Одоо нэг Идэрийн голдоо очно”
гээд хөөрч байна лээ. Зочин маань удахгүй даргын хувьд  “Алтан намар”-аа хийнэ гээд Үйлдвэр, хөдөө аж
ахуйн яамны сайдын үүдийг сахих нь мэдээж. “Алтан намрын тов хараахан гараагүй байна”
гэж байсан. Гэхдээ удахгүй л “Ургацын талбайд шуугиан тасрахгүй…” гээд эхэлнэ,
Бямбабаярын ажил ч ундраад ирнэ.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Солонгосын “Кореан Эйр” компани монголчуудыг басамжлах нь хэрээс хэтэрлээ

Монгол Улсад Солонго­сын нислэгийн “Кореан Эйр”
компани үйлчилгээ үзүүлдэг. Яарсан тэвдсэн, өвдсөн зов­сон нэг маань наашаа цаа­шаа
явах, улс төр, бизне­сийн­хэн ажил төрлөө гүйцэл­дүүлэх, амарч зугаалах гээд гадагшаа
зорчих бүртээ бид “Кореан Эйр”-ээр үйлчлүүл­дэг. Үндсэндээ монголчууд бидний чөлөөт
ертөнц рүү гарах ганц суваг маань уг нислэгийн компани л болоод байгаа. Манайд
“Аэрофлот”, “Air China” гэх олон улсын нислэгийн томоохон ком­па­ниудыг эс тооцвол
Солон­го­сын “Кореан Эйр” л байгаа шүү дээ. Гэвч уг компани “Бид л монополь эрхтэй
юм чинь” гэсэн шиг даналзаж дэндүү ихэмсэг, бардам аашлах юм. Үнэндээ ч тэд манай
төр зас­гийн удирдлагууд, эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад нөлөөлж, лообийдон
бүрэн дийлж байгаа нь үнэн, хэн­бугайд ч тодорхой. Тиймдээ Монголын агаарын тээвэрт
хязгааргүй дархан эрхтэй данайгаад байгаа хэрэг. Уул нь “Кореан Эйр” бол дэлхийн
хаана ч нислэгээ үйлддэг, олон улсын өндөр зэрэглэл бүхий  том компани юм.

Харин тэрхүү олон улсын жишиг бүхий өндөр зэрэглэл­дээ
явуулж буй үйл ажил­ла­гаа, үйлчилгээ нь таарахгүй байх нь илт мэдрэгдэх бол­лоо.
Үүнд шуудхан хэлэхэд солонгос хүний хоёрын хоорон­дох ямаан омог, бялан­гач сэтгэлгээ
нь хэтий­дэж ямар ч нөхцөлд түвэгтэй байдал үүсгэх юм. Анзаараад байх нь ээ, солонгосчууд
Монго­лын ард түмэнд, манай гэмгүй иргэдэд ямар муухай дээрэнгүй, хүйтэн хөндий
ханддаг гэж санана. Яагаад ч юм бэ зэвүүцсэн, дорд үзсэн, үнэн сэтгэлээсээ басамжил­сан
байдлаар хандаад бай­даг. Солонгос нөхдийн тийм ая данг бид мэднэ. “Кореан Эйр”-ээр
зорчиж Солонгосын гаалиар ороход шалган нэвт­рүүлэхийн ажилтан нь болол­той солонгос
өвгөн монгол­чуу­дыг “чи тийшээ, чи ийшээ” гэж модоор чичлэн ялгаж тусад нь хашиж
байгаад Монгол руу нь буцааж байсан цаг саяхан. Ингэж л солон­гос­чууд монголчууд
биднийг дорд үзэж, ерөөс хүн биш мэтээр, солонгос хүн тэргүүн зэргийн, монголчууд
бол хоёрдугаар зэргийнх хэмээн ханддаг нь сонин. Үүний тод жишээ саяхан болсон байна.
Тодруулбал, энэ оны есдү­гээр сарын 01-ний оройн 21 цагийн Улаанбаатар-Сөү­лийн
чиглэлийн “Кореан Эйр” компанийн KE-868 дугаарын олон улсын нислэгт манай нэг эрхэм
“Бизнес классын тусгай тасалбар авч зорчихоор бол­жээ. Ингээд бизнес класс-ын тусгай
суудалдаа суух гэтэл “Кореан Эйр”-ийн монгол ажилчид тухайн хүнээс “Таны тасалбар
бизнес классын суудал гэдэг нь үнэн юм уу” гэж асуугаад байж. Түүнийг харцаараа
онилчихоод байн байн нэг л сэжигтэй асуугаад байсан хэрэг. “Тийм ээ, миний тасалбар
бизнес класс-ын тусгай суудал нь үнэн” гэсэн байна.  Ингээд онгоц яг хөөрд­гийн даваан дээр “Кореан
Эйр”-ийн өнөө мон­гол солонгос ажилчид “Таны тасалбар бизнес классынх биш байна”
гэж улайм цайм луйварджээ.

Монгол солонгосчууд ийн­хүү хашгичаад тасал­барыг
нь шууд хурааж “Энэ зорчигчийн ачааг нь аваад ир, буруу суудалд суусан байна” гээд
цамнаж өгчээ. Ийнхүү орилж, хашгирч, манай хүнийг олны өмнө гөлөлзүүлж, нэр хүндийг
нь гутааж, доромжилсныхоо эцэст хоёр зүйлийг тулгасан байгаа юм. Үндсэндээ шан­таа­жилж
байгаа хэрэг л дээ. “Та арын буюу энгийн суу­далд суу, эсвэл дараагийн нислэгээр
яв” гэжээ. Тэгээд мань хүн аргагүйн эрхэнд нэг сая хоёр зуу гаруй мянган төгрөгөө
төлж авсан бизнес суудлаа булаалгаад найман зуу гаруй мянган төгрөгийн үнэтэй энгийн
хатуу суудалд суусан байна. Аргагүйн эрхэнд шүү дээ. Гадаадын ажил төрөл энээ тэрээ
нь хойшлуулж болохгүй болоод энгийн суудал руу хөөгдсөн нь тэр. Халаасанд явсан
нэг сая хоёр зуу гаруй мянган төгрөгөө төлж авсан бизнес суудлаа алдаад зогсохгүй,
ямар муухай доромжийг үзэж, хүн төрөлхтний хүнээ дээдэл­дэг өнөөгийн соёлт ертөнцөд
байж боломгүйгээр адлагдсан нь тэр ээ. Хамгийн инээдтэй нь манай эрхмийн тусгай
суудлыг “Кореан Эйр”-ийн  солонгос, монгол
ажилчид шууд булааж авсан нь тухайн суудалд өөрсдийн солонгос өвгөнийг суулгах гэж
л тийн­хүү аяглажээ.

Ийм л үйл явдал энэ сарын нэгний Улаанбаатар-Сөүлийн
чиглэлийн онгоцонд болжээ. Монголчуудыг харж байгаад л энэ томоотой, хүний өөдөөс
үг хэлчихэж чадахгүй байх гэж таагаад тус компанийн ажилчид ийм ёс зүйгүй авирладаг
аж. Уг нис­лэ­гийн бизнес суудалд тухайн эрхмээс гадна УИХ-ын гишүүн асан Д.Энхбат
явсан гэж байгаа. Түүнийг бол Их хурлын гишүүн байсан гээд халдаагүй бололтой. Ингээд
л энгийн нэгэн рүү арслан барс шиг дайрч хэл ам гаргаж чадах юм биш хэмээн дээрэлх­жээ.  

Олон улсын зэрэглэлийн дэлхийн том компани ийм
л өчүүхэн өрөвдмөөр сэтгэл­гээ­гээр аливаад хандаж, хариуц­ла­гагүйгээр ажил алба,
үйл­чил­гээгээ явуулах юм. Ялан­гуяа монголчуудыг хүн биш мэтээр үздэг нь үнэндээ
зэвүүн. Тэрхүү бодол сэтгэл­гээ­нийх нь наад захын жишээ “Кореан Эйр” компанийн
үйл явцаас нэвт шувт мэдрэгдээд байна. Бичлэгийнхээ эхэнд миний бие “Кореан Эйр”-ийнхэн
болон солонгосчууд манай төр засгийн удирдла­гуудад нөлөөлж, лообийдон монополь
эрх тогтоож байна гэж бичсэн. Энэ байдал нь олон зүйл дээр харагддаг. Ойрын жишээ
гэхэд л буруу талдаа жолоодлоготой маши­ныг Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцуулахгүй
гэсэн яриа хөөрөө гарч, төрийн тэргүүн хэлж байж намдсан даа. Энэ нь цаанаа Солонгосын
компанийн л бодлого шүү дээ. Ингэж л Солонгосын компаниуд Монго­лын төр засагт далдуур
нөлөөлж, энгийн гэмгүй мон­гол­чуудад дээрэнгүй хандаж байна. Одоо тэгэхээр Солон­го­сын
ийн ёс зүйгүй “Кореан Эйр” компанийг Монголын агаарын тээврээс болиулъя. Солонгос
өвгөн өөрийнхөө гааль дээр монголчуудыг  хонь
шиг хашиж нааш нь хөөж явуулдаг байсан шиг тэднийг хөөж гаргамаар байна. Тэд­ний
оронд Америк, Япон зэрэг дэлхийн томоохон орнуу­дын олон улсын нислэ­гийн компанийг
оруулж ирэх хэрэгтэй. Талын нүүдэлчин Монголыг өнөөдөр дэлхий харж байна. Бид одоо
хаана хаанаа том сэтгэж, дэлхийн эрх чөлөөт нийгэмд хүн төрөлхтний ижил сайн сайхан
амьдармаар байна. Дэлхийн том гүрнүүдийн нөлөө бүхий эрхмүүд, улс төр, эдийн засаг,
урлаг соёлын том том зүтгэлт­нүүд манайд өдөр бүр л айл­чилж байгаа. Тэд монгол­чуу­дыг
хүндэтгэн харилцаж, соёл­той хандаж байгаа. Ийм байтал Солонгосын нэгэн нислэгийн
компанийг царай алдан, ард иргэдээ доромж­луулж, гадагшаа гарах чөлөөт ертөнцийн
сувгаа ингэж сэвтүүлж байх хэрэг байна уу.

“Кореан Эйр” компанийг зүгээр ч нэг явуулчихгүй
доромжилсон, үл хүндэтгэж харилцсан иргэдээсээ ууч­лалт гуйлгаж, ухаандаа есөн сарын
нэгний нислэгт бизнес суудлаа алдсан эрхмийн эдийн засгийн болоод сэтгэл санааны
төлбөрийг төлүүлэх хэрэгтэй. Саяын зорчигч нэг сая хоёр зуу гаруй мянган төгрөгөөр
авсан бизнес суудлаа шууд булаалгуулж хатуу суудалд явсан. Түүний тасалбарынх нь
үнийг арав ба түүнээс дээш нугалсан үнээр эргэн төлүүлж, нэг үгээр хэлбэл эдийн
засаг болоод сэтгэл санааны хувьд хохи­рол­гүй болгох хэрэгтэй. Дэл­хийн томоохон
орнуудын олон улсын нислэгт ийм зүйл болсон бол тухайн компани тасалбарыг нь хураасан
ажилч­даа шууд ажлаас нь халж, компанийнхаа зүгээс тухайн иргэнийг хохиролгүй болгон
албан ёсоор уучлал гуйдаг. Эндүүрэл гарчээ гэсэн маягаар уучлал эрдэг, зорчиг­чийнхоо
өмнө бөхөлздөг. Ийм л жишигтэй шүү дээ. Тэгэхээр ард иргэддээ хан­даж хэлэхэд Солонгосын
нис­лэ­гийн “Кореан Эйр” компаниар үйлчлүүлээд эдийн засаг болоод сэтгэл санааны
хохирол амссан хүмүүс манай сонинд ханда­хыг хүсч байна. Бид энэ талаар цаашдаа
цуврал мате­р­иалууд бэлдэж гаргах болно гэдгээ дуулгая.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Амьдралдаа хариуцлагатай хандахгүй бол авах байр чинь мөрөөдөл хэвээр үлдэнэ

Монгол Улсын Засгийн газраас ард иргэддээ
найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгоод эхэлчихсэнийг хэн хүнгүй мэдэж байгаа.
Уг шийдвэрийг л сүүлийн хэдэн жил битүүхэн хүлээн, шинээр төвхнөсөн засаг бүрээс
ца­райч­лан горьдож  байсан иргэд хэдийнэ
ажлаа эхэлж, байраа сонгон банкнаас зээ­л­ээ авчихсан санаа амар суугаа. “Ингэж
л нэг байртай болдог юм байжээ” гээд олон айл өрх аз жаргал, баяр хөөрт умбаж байгаа
нь мэ­дээж ээ. Энэхүү найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хэнбугай ч хамрагдах
бүрэн эрхтэй юм. Иргэн та гэргийтэйгээ нийлээд сардаа нэг сая төгрөгийн цалин авдаг
бол тэгээд л болох нь тэр. Үндсэндээ танай өрхийн сарын орлого нэг сая төгрөг байхад
л та зээлд хамрагдан аль чиг арилжааны банкинд сонгосон байрныхаа үнийн дүнгийн
гучин хувийг тушаа­на. Тэгээд л ямар ч төвөг саадгүй байрандаа ороход бэлэн болж
байгаа хэрэг. Ийм л боломжийг шинэчлэлийн Засгийн газар бий болгочих­лоо. Үүнийгээ
Монголын эдийн засагт хийж буй ре­форм хэмээн зарласан. Тийм ч байх. Зээлийн бэлтгэлийг
эртнээс базаасан юм билээ. Тухайлбал, оны эхэнд най­ман зуун тэрбум төгрөгийг зээлийн
эх үүсвэр болгохоор шийдвэрлэсэн байдаг. Тэрхүү мөнгөнөөс таван зуун тэр­бумыг нь
энэ жил иргэдийн зээлд гаргаж байгаа гэх ал­бан мэдээ ч байна.

Мөн уг хөнгөлөлттэй зээл­тэй холбогдуулж
орон сууцны үнэ өсөх, хөөрөг­дөлтөд автах зэргийг нарийн тооцоолжээ. Энэ нь Барилга,
хот бай­гуу­лал­тын сайд болон Мон­голбанкны ерөн­хийлөгчийн хэв­лэлд өгсөн ярилцлагаас
тодорхой хараг­даж байгаа. Ц.Баяр­сайхан сайд “Орон сууцны үнийг бууруулахын тулд
барилгын материалын үнийг тогтвортой байлгах нь чухал. Тиймээс барилгын материа­лын
үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Монгол­банктай хамтран тодорхой санхүү­жилт хийсэн.
Импор­тын татвар дээр ч бодлого барим­талсан. Ба­рил­гын компа­ниуд­тай удаа дараа
уулзаж үнийн түвшинг судалсан” гэсэн байна лээ.

Улаанбаатар хотын гэр хороололд утаа
майн дунд түлээ нүүрстэйгээ зууралдан аж төрсөөр ирсэн иргэд, шинээр гэр бүл зохиож
буй залуучууд гээд орон байртай болохыг мөрөөдсөн бүхэнд найман хувийн зээл үнэндээ
мөрөөдлийнх нь биелэл болж байгаа. Өнөөдөр нийслэл хотод аж төрж буй нийт иргэдийн
дал орчим хувь буюу 316 мянган өрх айл гэр хороололд аж төрдөг гэсэн судалгаа бий.
Тэрхүү дундаж амьдралтай иргэдэд энэ удаагийн зээл  амьдралынх нь нэг хэсгийн чухал баталгаа гэж хэлж
болох юм. “Иргэд орон сууцтай болсноор дундаж давхаргын амьдралд төдий­гүй нийт
эдийн засагт эргэлдэх мөнгөний гучаас дөч хүртэлх хувь нь зүгээр нэг дэлгүүрийн
лангуунд бус нийг­мийн даатгалын санд төвлө­рөх”-ийг эдийн засагчид хэдийнэ тооцжээ.
Энэ нь үнийн өсөлтийг хямгадах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг нэг
түвшинд хадгалах сайн тал­тай нь дамжиггүй. Эдийн зас­гийн өсөлт талаасаа ч, ир­гэ­дийн
ахуй амьдралд үзүүлж буй хөрөнгө оруулалт 
талаа­саа ч найман хувийн зээл ашигтай гэдэг нь хэнд ч ойл­гомж­той. Захын
хороол­лын зарим иргэд “Манай гэр бүл орон байртай болно гэдэг ёстой үлгэр байлгүй”
гээд хувь заяатайгаа эвлэр­чихсэн то­хойн хэмжээний тортой нүүрс нэг гартаа бариад,
нөгөө гартаа сур­гууль, цэцэрлэгийн хүүхдээ хөтөлчихсөн идэр есийн жавар тачигнасан
орой гэр рүүгээ алхдаг. Тэгээд явж явж иртэл мөсөн хонгил болсон гэрт нь балга ус
ч байхгүй, худаг нь аль хэдийнэ хаалгаа барьчих­­сан байх нь хяс­лан­тай. Ийм л
дүр зураг байдаггүй билүү. Тэгвэл танд халуун дулаан сууцанд амар амга­лан аж төрөх
боломж хэдий­нэ бүрджээ.   

Харин энэхүү зээл болоод иргэдэд очиж
буй орон сууцны цаана нэг юм байгаа. Түүнийг олон түмэн цаг үр­гэлж санах учиртай.
Тэр нь юу вэ гэвэл иргэн таныг амьд­рал­даа хариуцлагатай хандахыг найман хувийн
хүүтэй зээл насан туршид чинь шаардах болно. Ерөөс монголчуудыг урьдын адил урсгалаараа,
байгаа байхгүй нь мэдэг­дэхгүй, идэвх санаачилгагүй амьдрахыг зөвшөөрөхгүй ээ. Иргэн
та зээлд хамрагдаад, орон байрандаа ороод л авах юм бол маргаашаас нь эхлээд амьдралд
туйлын хариуц­лагатай хандах учиртай шүү. Цаг хугацааны болоод ажил амьдралын үнэ
цэнийг мэдэрч эхэлж байгаа нь тэр.

Хуучин цагт ажилласан ч адилхан, ажиллаагүй
ч адилхан амьдраад болоод л байдаг байв. Аливаа албан байгууллагын босго алхаад
удаа ч үгүй даргатайгаа хэрэлдээд хаалга үүдийг нь тас саваад гарах энүүхэнд. Тэгээд
зогсохгүй ажлаасаа халагдсаны найр гэж хийдэг байсныг нь яана. Хэдэн найз нараа
гэртээ ёс юм шиг дуудаад л. Ширээн дээгүүр архи дарс сөгнөчихсөн, жаахан халамцахаараа
“тэр муу хулгайч намайг халдаг хэн юм” гээд л аархан явсан үе байдаг л байх. Одоо
бол байдал эсрэгээрээ болсон шүү нөхөд минь. Хэнэггүй толгойлж, тэнэглэж байгаад
ажлаасаа халагдвал юун найр наадам болох босгосон амьдрал чинь, босгоор нь алхсан
орон байр чинь үгүй болно.

Хөөгдсөндөө шаралхаж үгийн муугаар
хэлээд байсан дарга чинь өөрийн тань зээл авч, орон байртай болгосон банк руу ганцхан
удаа утас цохиод л бүх зүйл гүйцээ. Мэдээж “Тэр овогтой тэр ма­най компаниар цалингийн
баталгаа гаргуулж  танай банкнаас зээл авсан
байх аа. Тэгвэл наад нөхөр чинь ма­найд одоо ямар ч хамаа­рал­гүй болсон шүү” гээд
мэдэг­дэнэ биз дээ. Ингээд банк зээлээ татаж, тухайн орон сууцны компани байраа
буцаана. Таны гучин хувийн урьдчилгаа болгож өгсөн мөнгө ч тэгээд арилна. Тал хувийг
нь эргүүлж авч чадвал их юм. Ийм жишээ дурдсан нь амьдралд хариуцлагатай хандахыг
хэлээд байгаа юм аа. Үнэн л гэвэл энэ.

Амьдралд хариуцлагатай хандана гэдэг
үүрэгт ажлаа чин сэтгэлээсээ сайтар хийхээс л эхэлдэг. Хэрвээ тэгж чадваас танд
туурга тусгаар улс орондоо хүн шиг сэтгэл хангалуун амьдрах ирээдүй гарт чинь байна.
Навсархай гэрийн чинь үүдэнд, модон орны чинь өмнө дэлгээтэй байж л байна.

Хөдөөх сумын төв дээр залуучууд гудамж
метрлэн алхсан шигээ хий дэмий тэнүүчилдэг. Юу хийж байна даа гэхүйд “Ажилгүй ээ,
гэхдээ болоод л байна даа” хэмээн хээв нэг хариулаад архайж зогсдог. Тэгвэл Монгол
Улсын иргэн бүрт ажилгүй байна гэх ойлголт, тийм амьдрал энэ цаг мөчөөс эхлээд таслагдаж
байна. Хот, хөдөө амьдаараа гандан архи ууж, хог түүж, алхайж хэвтэн, ажил амьд­ралгүйгээ
гайхаж суугаа хэн бүхэн одооноос эхлэн хаана ч хамаагүй ажиллаж, гэргий­гээ аль
нэг газар зохих түвш­ний ажилтай болгож нийлээд сардаа нэг сая ба түүнээс дээш төгрөгийн
цалин авах юм бол танд бусдын адил сайхан амьдрах  боломж нээгдсэн шүү. Найман хувийн хүүтэй орон
сууцны зээлийг даган монголчуудын ажил­даа үнэнч байх, амьдралд хариуцлагатай хандах
зэрэг урьд өмнө байгаагүй шинэ үзэгдэл бий боллоо. Залхаг заваан, ажил хэрэгч бус,
ха­риуц­лага гэдгийг огтхон ч ухамсарлаж байгаагүй нүүд­лийн сэтгэхүйтэй бидний
мон­голчуудын аж төрөх хэв маяг ийнхүү эрс өөрчлөгдөх нь тэр ээ.

Дэлхийн жишиг болсон улс гүрнүүдийн
амьдралын хэв маяг, арга барилд Монгол Улс мань нэгдэж буйд залуу хүний хувьд баяртай
байна. Бид бүхэн өнөөдрөөс эхлээд орон сууцныхаа зээлийг заа­сан хугацаанд нь төлөхийн
тулд урсгалаараа, урьдын­хаа­раа амьдрахаа болино. Ажилдаа зүтгэхийн хэрэр амьдралын
үнэ цэнийг нь мэдэрнэ. Ажилгүй байна гэ­дэг, бор дарсанд толгойгоо мэдүүлэн сумын
төвийн гу­дамж хэрсэн шигээ амьдарна гэдэг ямар ч хүсэл мөрөө­дөлгүй, итгэл үнэмшилгүй,
баяр баясгалангүй явдал шүү дээ. Далавчаа тасдуулсан шувуу шиг л болж байгаа гэсэн
үг. Ард түмний ийм л ахуй амьдралыг өөрчилж эхэлснийг миний бие шинэ үзэгдэл гээд
байна л даа. Энэхүү найман хувийн хүүтэй зээлийг яг амьдрал дээр өргөн утгаар нь
аваад үзвэл зөвхөн үзэгдэл төдий бус бид бүхний амьдралд ч, өнөөгийн нийгэмд ч цаашлаад
хүмүү­сийн сэтгэл зүйд хувьсгал хийж байгаа хэрэг юм. Жин­хэнээсээ ажилчин Монголыг
бий болгож байна шүү дээ.

Эл бүгдийг өгүүлсний учир миний бие
өнөөгийн Засгийн газарт тал засаж, найман хувийн хүүтэй зээлийг нь магтан мандуулж
байгаа юм биш шүү. Ерөөсөө л болж буй үйл явдал, асуудлын мөн чанар ийм байгаа билээ.
Амьдралд хичнээн хайртай, аливаад хичнээн санаа­чил­гатай ч дэмжиж туслаад өгөх
хүнгүй, хий дэмий л дороо эргэцээд байсан иргэдэд найман хувийн хүүтэй зээл ирээдүйнх
нь үүд хаалгыг нь нээж итгэлийн гэрэл асаагаад өглөө. Түүнийхээ хэрээр амьдралд
хариуц­лагатай хандахыг шаардаад эхэллээ. Хэрвээ та амьдралдаа хариуц­лагагүй хандсаар  байх юм бол авах байр чинь мөрөөдөл хэвээр үлдэх
нь байна шүү гэдгийг л сануулъя даа.

Н.ГАНТУЛГА