Categories
редакцийн-нийтлэл

ЦАГААН САРЫН БАРИЛДААНЫ жил жилийн түүхээс

Зураг дээр
зүүн гараас Ц.Гомбодорж заан, Ө.Эрдэнэ-Очир арслан, Т.Зундуй заан нар. 1960-аад
оны дундуур

“Өдрийн
сонин”-ы Урлаг, спорт, чөлөөт цагийн мэдээллийн албаны дарга, сэтгүүлч, яруу
найрагч Норовын Гантулга “Цагаан сарын барилдааны жил жилийн түүхээс” хэмээх
цуврал нийтлэлийг сар шинийн өдрүүдэд олон түмэндээ хүргэе.

Далан
нэгэн он.
Ардын
хувьс­галын түүхт тавин жилийн ойн наадмын өнгийг тодорхойлсон барилдаан.
Тухайн жилийн цагаан сарын гол шуугиан тавин жилийн ойд хэн түрүүлэх бол, тэр
бөх өнгөлнө дөө гэсэн таамаг байсан нь мэдээж. “Ойн одтой бөх л тү­рүүлдэг
юм даа” гэх олны яриа ч амнаас ам дамжсан нь тодорхой. Түүнийг нь бататгах
гэсэн мэт Сэрээтэрийн Цэрэн аварга тэр жилийн цагаан сарын барилдаанд түрүүлж
олон түмнийг шуугиулаад авсан. Цэрэн аварга дөчин жилийн ойгоор буюу 1961 онд
төрийн их наадамд Дарийн Дамдин аваргыг орхин түрүүлж, таван жил босоо явсан
амжилтыг нь зогсоож байсан түүхтэй билээ. Тэгээд начин цол­ноос аварга цолыг
шууд хүртсэн байдаг. Цэрэн аварга түрүү үзүүрт Дамдин аваргатай үлдчихээд бай­хуйд
Спортын төв ордонд цугласан олон, эх орныхоо өнцөг булан бүрт
“араажав”-аа чагнан суусан бүхэн “ойн одтойгоороо Цэрэн түрүүлнэ
дээ” гэцгээж байжээ. Үнэхээр мон­гол бөхийн гучин хоёр шинжийн гучин
нэгийг нь хадгалж төрсөн, даншгийн ах дүү алдарт аваргууд болох Ш.Намхай,
Ш.Лувсанжамбаа нарын уугуул нутаг Булганы Сай­ханаас тодорсон даян аварга
гарцаа байхгүй түрүүлсэн байдаг. Харин тэр жилийнхээ өндөр ойд түрүүлж чадалгүй
Хорлоогийн Баянмөнх аваргад унаснаар үзүүр булаасан билээ. Гэхдээ л ойн одтой
бөх гэдгээ баталсан түүхтэй.

 

Далан нэгэн оны сар шинийн барилдааны их шөвөгт Монгол Улсын арслан
Лувсанчимэдийн Сосорбарам, Жамбалын Хайдав нар шалгарсан удаатай. Хайдав арслан
тэгэхэд начин цолтой бай­сан бөгөөд тэр жилийнхээ наадамд долоо давж
шөвгөрснөөр улсын арслан цол хүртсэн юм. Тус барил­даанаас зарим нэгийг нь
онцолъё л доо. Тухайлбал, Ар­хангай айм­гийн Хотонт сумын харьяат улсын заан
Ч.Адъяа хоё­рын даваанд залуу бөх Должин­гийн Адъяа­төмөртэй оноолт таарч
унасан байдаг. Д.Адъяатөмөр начинг бөх сонирхогч олон сайн мэднэ. Өнд­рөөрөө
Оргилболдтой ойрхон очих тэрээр дал, наяад онд хоёр Мөн­хийн бэлтгэл хангагч
байсан. Мань хүн далан оны ца­гаан сарын ба­рилдаанд улсын зааныг хоёрын
даваанд өвдөглүүлэн шуугиулж байсан бол бүр наян есөн онд тавь шахсан насандаа
начин цолны босго алхаж байв шүү. Жамбалын Хай­дав арслан, Донровын Долгор­сүрэн
заан нар начин цолтой, Дамдин­гийн Галдандагва, Дами­рангийн Баатаржав нартай
гурвын даваа­ны төгсгөлд тунацгааж жин­хэнэ гал авалцсан барилдаанууд үзүүлсэн
байдаг. Дөрвийн даваанд Хайдав, Долгорсүрэн хоёр мөн л тунаж байх жишээний.

 

Далан хоёр он. Х.Баянмөнх аварга түрүүлж, Говь-Алтай айм­гийн Хөхморьт сумын харьяат улсын
заан Ундрахын Пүрэв үзүүр­лэсэн жил. У.Пүрэв заан ирээдүйн алдарт аварга
Дашдоржийн Цэ­рэнтогтохыг начин цолтой байхад нь гурвын даваанд, Л.Сосорбарам,
П.Дагвасүрэн нарын хүчит арс­лангуудыг дөрөв, тавын даваанд, Д.Дамдин аваргыг
зургаагийн да­ваанд давж ир, бяраар илүүрхэн үзүүрт шалгарсан юм. Идэрхэн заан
Пүрэвийгээ тийнхүү шуугиу­лахад Алтайнхан мөн чиг их баярла­сан даа. Ялангуяа
Соёлын гавьяат зүтгэлтэн Рэгжийбуугийн Нямдорж, утга зохиолын доктор, цаст
Алтайн оргилууд шигээ л дүнхийж байдаг Үржингийн Хү­рэлбаатар нарын бөхийнхөө
тө­лөө нэгэн үзүүрт сэтгэлтэй явдаг эрхмүүд ихэд хөөрсөн биз. Мэдээж тэр хоёр
их л залуу байсан даа. Тэднээс дутахааргүй баярласан нэгэн бол Соёлын гавьяат
зүт­гэлтэн, Элчин сайд Дагвын Ца­хилгаан гуай. Хөхморьт гэхээр л хоёр нүднийх
нь нулимс сул асгаад ирдэг алдар суу, авьяас билгийн тэнгэр болсон хийморьтой
эр дөр­вөн уулын дунд багтахааргүй л баярласан байж таараа. Тэрээр гурван
жилийн өмнө манай сонины “Эх орон сумаас эхэлнэ” буланд “Элст
манхан нутгаа ингэтлээ юун­даа санана вэ” хэмээн Хөхморь­тынхоо тухай
бичихдээ Пүрэв заанаа хэрхэн тодотгож өгснийг тодхон санаж байна.

 

Тэрхүү барилдааны гурвын даваанд Дасрангийн Мягмар заан начин цолтойдоо,
Төмөрийн Артаг начинг залуу бөх байхад нь туна­сан байдаг шүү. Хоёулаа л
ирлэсэн тонгорог шиг байж дээ. Одоогийн­хоор бол Ч.Санжаадамба, Ц.Сод­номдорж,
Ө.Даваабаатар нар шиг л байж. Үй зайгүй найзууд болох Д.Долгорсүрэн, Ч.Лундаа
нар дөр­вийн даваанд тунасан байдаг. Энэхэн зуурт шигтгээ бол­гохуйд, Чимэдийн
Лундаа начинг үе тэн­гийн бөхчүүд нь заанаар тогто­хооргүй хүчтэн байсан даа
хэмээн харамсан өгүүлдэг юм. Тэрээр бие галбир, хувь хүний зан ааш, зүс царай,
хүч тэнхээгээрээ үнэндээ гойд нэгэн байжээ. Даанч залуугаа­раа өнгөрсөн байдаг.
Түү­нийг анх гарч ирэхэд, хоёр Мөн­хийн залгамж халаа ч гэж яригдаж байсан удаа­тай.

 

Далан гурван он. Жигжидийн Мөнхбат аварга дөрөв дэхээ тү­рүүлж, Жамбалын Хайдав арслан
үзүүрлэсэн жил. С.Цэрэн аварга, Далайн Жамц арслан нар их шө­вөгт шалгарсан
байдаг. Тус барил­дааны хоёрын даваанд Хэнтий аймгийн харьяат улсын заан Дам­динсүрэнгийн
Барамсай Архан­гайн Х.Галиндэвт, Бин­дэръяа­гийн Батхуяг начин, Чимэ­дийн Гочоо­сүрэн
зааныг залуу бөх байхад нь тус тус тахимаа өгсөн. Сонирхуу­лахад, Барамсай
зааныг Б.Бат-Эрдэнэ аваргын хадам аав гэдэг байх шүү. Өмнөх жилийнх нь үзүүр
бөх У.Пүрэв заан гурвын даваанд аймгийн арслан Дондо­вын Нан­салд тахимаа өгсөн
бай­даг. Жа­раад оны дунд үе далаад оны эхээр хэдэн “галзуу амьтад”
хө­дөөнөөс очиж хүч үздэг байсан гэх. Булганы Д.Нансал, “задгай шар”
Лхагвадорж, Ц.Волоож, Зав­ханы С.Юнрэн,  Мөөеө аваргыг ид байх үед
өвдөглүүлж байсан Өм­нөго­вийн Манлайжав, Төв аймгийн Жанчивравдан нар. Дэндүү
ааг омогтойгоосоо болж тэд улсын цолгүй үлдсэнийг үеийнх нь бөх­чүүд дурсдаг юм
аа.   

 

Далан дөрвөн он. Хоёр Мөнх аанай л үлдэж Хорлоогийн хөвүүн дөрөв дэхээ түрүүлсэн түүхтэй.
Мядагийн Мөнгөн, Пүрэвийн Даг­васүрэн нарын арслангууд их шөвөгт шалгарсан юм.
Тэрхүү наадмын шуугианы нэгэн эзэн нь Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат,
халхын алдарт бөх Дагва­цэрэнгийн Хадбаатар байлаа. Тэрээр гурвын даваанд Увсын
Төмөрийн Артаг начинтай тунаж, барагтай л бөхөд тахимаа өгөх дургүй ааг омогтой
хүдэр эрийг бяр хүчний илүүгээр давсныг санах нэг нь санаж байгаа даа. Тэр цагаас
хойших цагаан сарын барилдаан Хадаатай эхэлсэн дээ. Т.Артаг начныг өвдөглүүлсэн
Хадаа хүү дараагийн даваанд Өлзийсайханы Эрдэнэ-Очир арсланд яалт ч үгүй унасан
гэдэг шүү. Д.Баатаржав М.Мөнгөн, Д.Галдандагва Говь-Алтайн Дүгэрийн Цэрэндаш,
Д.Дол­горсүрэн, Баянхонгорын Гандолгорын Батсүх нар гурвын давааны сүүл рүү
хоорондоо үзэж бөх сонирхогч олныг суудлаас нь өндөлзүүлж байжээ.

 

Далан таван он. Хоёр Мөнх мөн л үлддэгээрээ үлдэж Хорлоо­гийн хөвүүн тав дахиа түрүүлсэн байна.
Харин их шөвөгт дархан аварга Д.Цэрэнтогтох начин цол­тойдоо, Ө.Эрдэнэ-Очир
арслан­гийн хамт шалгарчээ. Д.Цэрэн­тогтох аварга Увсын Баатаржав начин,
Говь-Алтайн Д.Цэрэндаш начин, Булганы Д.Лхагвасүрэн заан нартай дараалан тунаж
ба­рилдан давсан байна. Ийнхүү монгол бөхийн түүхэнд Дашдор­жийн Цэрэнтогтох,
Дагвацэрэнгийн Хадбаатар нарын аваргуудын үе эхэлсэн нь тэр ээ. Дорнод нутгаа­саа
үе үе ирж барилддаг байсан Д.Түвшин заан тэр жилийн цагаан сараар зодоглож
гурвын даваанд Архангайн Дамбын Шижээ начинд унасан бол, ард олны хүсэн хүлээ­дэг
бөх “цахилгаан” Мөнхөө арс­лан Алтайгаас ирж барилдан хоё­рын даваанд
Хөвсгөлийн Базар­раднаа гэдэг залууд тахимаа өгсөн байдаг.

 

Далан зургаан он. Ж.Мөнхбат аварга тав дахиа түрүүлж, Л.Сосор­барам арслан үзүүрлэсэн. Үндсэн­дээ
Төв аймгийн хоёр хүчтэн тэр жилийн цагаан сараар үлдсэн байгаа юм. 160 бөх
зодоглосон учир зургаа, долоогийн даваанд бөх сондгойрсон байна. Цолныхоо
эрэмбээр Мөөеө аварга зургаад, Со арслан долоогийн даваанд гоц мөргөжээ. Ховд
аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын заан Дасрангийн Мягмар Ёндонгийн
Ишгэнээр дөрөв, Дүгэрийн Цэрэн­дашаар тав, Жамбалын Хайда­ваар зургаа давж их
шөвгийн гу­равт Мөөеө аваргатай хүч үзсэн байдаг.

 

Төв аймгийн бөхчүүд түрүү зүүр булаалдсан наадамд тус нутгийн хүчтэнүүд доогуур
даваанд ч сайн барилдсан байна. Тухайлбал, олноо “Бүрэнгийн бүдүүн
гуят” хэмээн алдаршсан Мөнхийн Загдсүрэн начин Д.Барамсай заан, С.Цэрэн
аварга нарыг гурав, дөр­вийн даваанд өвдөглүүлж Мөөеө аваргад тавын даваанд
унасан байдаг. Тэрээр наян хоёр онд Д.Дамдин аваргаар тав давж улсын цолны
босго алхсан билээ.

 

Далан долоон он.  Хорлоогийн
Баянмөнх аварга түрүүлж, Пүрэ­вийн Дагвасүрэн арслан үзүүрлэ­сэн. Тэр хоёр
улсын наадмын үзүүр түрүүнд хоёр ч удаа үлдсэн байдаг шүү. “Баянаа бид
хоёр залуудаа нэг гэрт амьдардаг байв. Түүнтэй төрийн наадамд хоёр ч удаа үлд­сэн
юм. Сүүлийн удаад нь өгчих болов уу гэж горьдож байлаа. Гэвч Баянаа яс үзсэн.
Аварга гэдэг үнэхээр аваргаараа л төрдөг юм билээ. Би бол арслан болохоор
заяагдсан хүн дээ” гэж Дагвасүрэн гуай хуучилдаг юм. Далан долоон оны баярын
их шөвөгт Ж.Мөнхбат, Д.Хадбаатар нарын аваргууд үлд­жээ. Баянаа Хадаа хоёр
тунаж барилдсан байна. Хатуухан учраа Хадааг давчихаад Баянаа аварга “Энэ
хүнийг ч барахааргүй болж байгаа юм байна даа” хэмээн өөрийн эрхгүй дуу
алдаж байсан гэдэг шүү.

 

Улсын наадамд тоотой ирж барилдсан Дундговийн “харлаг” хэмээх
Дамдиндоржийн Жавзмаа начин тэр жилийн сар шинийн барилдаанд зодоглон Увсын Баа­таржаваар
гурав давсан байдаг. Олон түмнээ “Чапаев” хэмээн ал­даршсан Нэмэхийн
Дашзэвэг на­чин нас ахисан хойноо зодоглож улаан нөмрөгтэй гарч байсныг мэдэх
хүмүүс нь хэлдэг юм.

 

Далан найман он. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Дашдоржийн Цэрэнтогтох аварга анх
удаагаа түрүүлсэн жил. Үзүүрт нь Ж.Мөнхбат аварга үл­дэж, их шөвөгт Х.Баянмөнх
аварга, Д.Долгорсүрэн заан нар шалгар­сан байна.

 

Д.Цэрэнтогтох аварга тэр жилийнхээ наадамд мөн л анх удаагаа түрүү магнай болж
улсын арслан цол хүртэж байсан билээ. Тухайн барилдааны зарим нэг онцлогоос
дурдъя л даа. Өмнийн говийн О.Пүрэв начин гурвын даваанд Жамцын Даваажав гавьяатад
унасан байдаг. Олимпийн мөнгөн медальт нэрт бөх Даваажав улсын цолонд хүрээ­гүй
байсан үе л дээ. Гурвын даваа­ны сүүлд Ё.Ишгэн Д.Жавзмаатай, Д.Цэнд-Аюуш
Г.Жалаатай, З.Дүв­чин Цэвээнжавын Ванчигцэрэнтэй тус тус хүч үзсэн байна.
Тэдний хооронд ямархан барилдаанууд өрнөсөн нь тодорхой. Цэнд-Аюуш, Ишгэн,
Дүвчин нарын заанууд дөнгөж начин цолтой байв. Ма­найхны хэлдгээр ирлэсэн
тонгорог шиг л байсан болов уу.

 

Далан есөн он. Хорлоогийн Баянмөнх аварга түрүүлж, Д.Цэрэнтогтох аварга үзүүрлэв. Л.Сосорбарам,
П.Дагвасүрэн нарын арслангууд шөвгөрчээ. Тэр жилийн цагаан сарын өнгө нь Ховд
аймгийн Алтай сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин Адуучийн Баатархүү
байв. Тэрээр уран гараат начин Завханы Г.Бат­тогтохоор гурав, Гандолгорын
Батсүх начингаар дөрөв давж Д.Цэрэнтогтох аваргад унасан байдаг. Мөн тэр жилээ
улсын цо­лонд хүрсэн байх шүү. Дэндэвийн Амгаа заан Зэвэгийн Дүвчинтэй,
Дамбажавын Цэнд-Аюуш заан Рэгжийбуугийн Даваанямтай гур­вын давааны төгсгөлд
хүч үзсэн байна. Үндсэндээ дөрвөн заан хоорондоо тулсан байгаа юм. Наяад оны
эхэн бол яалт ч үгүй л тэдний үе. Дээр нь Дамдингийн Баяраа гарьд, Шагдарын
Чанрав, Однойн Бахыт, Содномын Эрхэм­баяр, Жанцангийн Чулуун хүчтэй начингууд
шуугиулж явсан он жилүүд билээ.

 

Наян он. Дагвацэрэнгийн Хад­баатар аварга манлайлж айл хотол, улс даяараа магнайгаа
тэнийтэл баярласан жил. Хадаа аваргыг түрүүлнэ хэмээн өмнөх жилүүдийн сар
шинээр олон түмэн хүлээж байсан. Тэрээр үзүүр тү­рүүнд Донровын Долгорсүрэн
заантай үлдэн монгол гутлыг нь сугартал дүүгүүрдэж хаячихаад яваад өгсөн гэдэг.
Идэр залуу хүчтэний бяр тэнхээг хүн бүр шаг­шиж байсан гэх.

 

“Угтаалын зон олны сэтгэл, Хүүлэй хаан уул нь түшлээ дээ” хэмээн
Хадаа аваргыг мэдэх ойр дотнынхон нь хэлж байсан дуулд­даг. Мөн
“Алдар”-ын тамирчид Хадаагийнхаа түрүүг дүүрэн баяр­тайгаар тэмдэглэж
байсныг мөн л мэдэх нэг нь хэлдэг юм. Тэр жил хоёр Мөнх шөвгөрсөн байна. Бөх­чүүд,
бөх сонирхогчдын хэлдгээр цоорч барилдсан хүчтэнүүдийн нэгэн Баян-Өлгий аймгийн
Цэнгэл сумын харьяат Однойн Бахыт харцага. Казах түмний төлөөлөл болсон тэрхүү
хүчтэн Ч.Амар­түвшин, Д.Амгаа, Ё.Ишгэн нарын заануудыг дараалуулан орхин дунд
шөвөгт шалгарч Баянаа авар­гад унасан байдаг аа. Увсын Дов­чингийн Нэгдэл начин
тэр жил мөн л сайн барилдан бага шөвөгт үлдэж байжээ.

Наян
нэгэн он.
Жигжидийн Мөнхбат аварга зургаа дахь удаа­гаа түрүүлж, Дашдоржийн Цэрэн­тогтох
аварга үзүүрлэсэн жил. Их шөвөгт Х.Баянмөнх аварга, Говь-Алтайн Дугарын
Нэмэхбаяр начин нар шалгарч байжээ. Тэр жилийн шуугианы эзэн мэдээж Говь-Ал­тайн
Нэмэхбаяр. Тэрээр аймгийн арслан цолтой байхдаа сар ши­нийн барилдааны их
шөвгийн дөрөвт гурван аваргатай тийнхүү тунаж байсан удаатай. Ж.Хайдав
арслангаар гурав, Д.Долгорсүрэн заанаар дөрөв, Д.Галдандагва начингаар тав
давсан байдаг. Бас л луугаруудыг л өвдөглүүлсэн байгаа юм. Түүнийг тэр жилийн
наадмаар бас л хуйхлаад өгөх байх гэж үзэгч олон харж байсан ч улсын цолонд
хүрч чадаагүй. Наян зургаан онд начин болсон байдаг шүү.

 

Тухайн жилийн сар шинийн барилдааны үеэр залуучуудын Улсын аварга шалгаруулах
тэм­цээн зохиогдсон байдаг. Түүнд зодоглосон залуус цагаан сарын барилдаанд хүч
үзсэний нэг нь Д.Нэмэхбаяр юм. Түүнээс гадна Өмнөговийн Дашдуламын Багахүү,
Булганы Жамцын Бор нар л бас үймээн тарьсан байдаг. Д.Багахүү хоёрын даваанд
Д.Лхагвасүрэн зааныг өвдөглүүлж, гуравт Ховдын Адуучийн Баатархүү начинтай
тунаад унасан байна. Гурвын давааны төгсгөлд Дамдингийн Галдандагва начинг
Булганы Бо­рыг, Ендонгийн Ишгэн Жанцангийн Чулууныг амлаж Баатархүү, Бага­хүү
нар тунаж байжээ. Тэдний хооронд гал маналзсан барилдаа­нууд гарсан нь
тодорхой. Адуучийн Баатархүү дөрөвт Мядагийн Мөн­гөн арсланг заан цолтой байхад
нь өвдөглүүлж Баянаа аваргад тахи­маа өгсөн байна. Сонирхуулахад, Д.Дамдин
аварга тавын даваанд долоон бөхөөс ам сонсохдоо баруун жигүүрийг магнайлан ба­рил­даж
байсан Ж.Мөнхбат авар­гыг амлаж Спортын төв ордонд цугласан олон болоод хөдөө
орон нутагт “араажав”-аа чагнаад сууж байсан түмнийг алмайруулсан
гэдэг. Данигай аваргын тэрхүү шийдвэрийг хүмүүс янз бүрээр ярьдаг. Зарим нэг нь
“Мөөеөгийн түрүүлэх замыг нь эртнээс зассан” гэдэг бол, зарим нь
залуучуудаас халгаад яалт ч үгүй Мөөеөгөө авсан гэж барин тавин хэлдэг юм.

 

Наян хоёр он. Хорлоогийн Баянмөх аварга найм дахь удаагаа түрүүлж, Мядагийн Мөнгөн арслан
үзүүрлэсэн. Их шөвөгт Д.Мягмар, З.Дүвчин нарын заанууд үлджээ.

 

Д.Мягмар заан дөрөвт Дан­зандаржаагийн Сэрээтэрийг, тавд Чогдовын Амартүвшин
зааныг хүч бярын илүүгээр өвдөглүүлсэн бол Зэвэгийн Дүвчин, Д.Дашжамц, О.Бахыт,
А.Баатархүү нарын үе тэнгийн шилдэг хүчтэнүүдтэйгээ даваа бүрт тунаж, тунасан
бүхнээ орхижээ. Дүвчин тухайн үед начин цолтой байсан билээ. Түүнийг хөлөөрөө
олон сүлжээ мэх хийдэг уран барилдаанч бөх гэдгийг ма­най­хан мэднэ. Дээрх
хүчтэнүүд­тэйгээ адуу шиг л тачигнасан гэдэг шүү.

 

Адуу шиг гэснээс наяад оны эхээр боодогны чулуу шиг атгаж боломгүй нэгэн үеийн
хүчтэнүүд гарч ирсэн нь Рэгжийбуугийн Да­вааням, Бандийн Ганбаатар, Дам­дингийн
Баяраа, Өлзийн Тулгаа, Зэвэгийн Дүвчин, Содномын Эр­хэм­баяр, Однойн Бахыт,
Довдон­гийн Дашжамц, Жамцын Бор, Адуучийн Баатархүү, Дашдуламын Багахүү нар юм.
Тэдний хооронд л бөхчүүдийн хэлдгээр гал авалцсан барилдаанууд болдог байж. Дэн­дэвийн
Амгаа заан тухайн барил­дааны гурвын даваанд Төмөрийн Артаг начинг амлаж
барилдаад унасан байдаг. Заан цолыг аваад удаагүй, жинхэнэ торгон ирэн дээрээ
байсан Амгааг тахимаа өгөхөд олон түмэн “Ясны сайн бөх гэдэг ямар ч үед
эвгүй дээ. Артаг бол хэвээрээ л байна. Харих бо­лоо­гүй юм байна” гэцгээж
байсан дуулддаг юм. 

 

Наян гурван он. Дашдоржийн
Цэрэнтогтох аварга түрүүлж, Дэн­дэвийн Амгаа заан үзүүрлэсэн жил. Д.Амгаа
заанаа түрүүлчихэж юуны магад хэмээн Булганыхан бараг л хамт барилдсан удаатай.
Үндсэн­дээ Цэрэнтогтох аваргатай их олон хүн барилдсан байх.
“Араажав”-аа сонсоод л байгаа. Давах бүрт нь бөөн дуу болж хотлоороо
баяр­лаад л. Хамгийн их баярласан нь зургаагийн давааны шөвгийн дө­рөвт Баянаа
аваргыг хаяхад гэдэг юм билээ. Аргагүй л дээ, өнгөрөгч жил нь түрүүлсэн
хүчтэнийг орхиж түрүү үзүүр булаалдах сайхан. Тэр жил их шөвөгт Хөвсгөл аймгийн
Галт сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, хүчит заан Са­рангэрэлийн
Хүрэлбаатар шал­гарч мөн л хоймор нутгийнхаа олон түмнийг догдлуулаад авсан.
Дам­дин, Бээжин аваргуудаас хойш Хөвсгөлийн хүчтэнүүд сар шинийн барилдаанууд
тэр бүр өнгөлөөгүй байв.

 

Яг л тийм ахуй цагт Хүрлээ заан гараад ирсэн байгаа юм. Тэрээр алдарт бусгаа
мэхээрээ хатуухан учраануудаа өвдөглүүлснийг мэ­дэх хүмүүс нь хэлдэг юм. Хүрлээ
зааны бусгаанд тогтож үлдсэн бөх ховор гэх юм билээ. Наян гурван оны сар шинийн
барилдаанд өнөө л “гайхал”-ууд бас л шуугиулжээ. Гайхлууд гэдэг маань
миний дээр овог нэртэй нь цоллосон бөхчүүд дээ. Тэднээс “Алдар”-ын тамирчин
Жамцын Бор ус нутгийн ах Сэ­рээтэрийн Цэрэн аваргаар гурав, Д.Долгорсүрэн
заанаар дөрөв давж Д.Цэрэнтогтох аваргад тахи­маа өгсөн байдаг. Цэрэнтогтох
аваргаас өөр хүн Булганы Борыг тогтоохооргүй байсан гэдэг. Мань хүн тэр жилээ
шууд зургаа давж өсөх идэр чимэгтэй начин, одоо­гийн­хоор харцага цолны болзол
хангасан билээ. Санжжавын Сүх­баатар заан залуу бөх зодоглож хоёрын даваанд
Ө.Эрдэнэ-Очир арсланг, гуравт Д.Дашжамц начныг тунаж, дөрөвт Чимэдийн Гочоо­сүрэн
зааныг орхиж дунд шөвөгт шалгарч байж. Зааныг бөхийн хүрээнийхэн “нам
Сүхбаатар” гэдэг байж билээ. Бие жижгэвтэр хэрнээ жин ихтэй, уран дайчин
барил­даантай бөх байсан. Залуудаа жин багатай байсан ч баргийн хүнд
бярдуулдаггүй, хатуу боорцог байж шүү. Ө.Эрдэнэ-Очир урьд өмнө үзээгүй залуу
бөхөд уначихаад Сосорбарам нарын үе тэнгийнхэн дээрээ ирээд “Би чинь ямар
хүнтэй учраа таарчихав даа” хэмээн тол­гой сэгсэрсэн гэдэг ээ.

 

За тэгээд гурвын давааны төгс­гөлд Ё.Ишгэн С.Эрхэмбаяр, Д.Бая­раа О.Бахыт,
Д.Нэгдэл Бандийн Ганбаатар, Г.Пүрэв-Очир Р.Даваа­нямтай тус тус хүч үзэж
тахимаа өгсөн байдаг. Сонирхуулахад, Увс аймгийн Тэс сумын харьяат Дов­чингийн
Нэгдэл начин хөгжмийн зохиолч Цэцэрлэгийн төрсөн ах билээ.

 

Наян дөрвөн он. Олон түмний хайртай бөх Дагвацэрэнгийн Хад­баатар аваргын түрүүлдэг жил. Тэрээр
эхний даваанаас үзэгчдийг шуугиулсан байдаг. Өөрөөс нь хамаагүй жижиг, өнөө
тарваган Бадарч найз шиг нь бөх эхний даваанд таарч л дээ. Тугийн манд­лын өмнө
дэвээ шаваагаа гүйцэт­гэчихээд өмнөө зогсоо учраагаа анзааралгүй дээгүүр харж олныг
инээлгээд авчээ. Тэгээд зогсохгүй өнөөхөө дух руу нь хүчтэй алгадсан байгаа юм.
Тэр том хүний гарын аяыг өнөө залуу яаж даахав дээ, уулын уруу хүч алдан
арагшаагаа өнхрөх машин шиг хойшоо хэд харайлгаснаа тас гэдрэгээ саваад унажээ.
Үзэгчид бас л бөөн инээ­дэм. Хадаа аварга түүнийг нь сайн мэдэж байгаа учир
улам алиалж дэвээд л. Түүнийг хэдийн даваанд ч юм бэ учраа бөхтэйгээ хүч үзэж
байхад үзэгчдийн суудлаас нэг нь “Хадаа дүүгүүрдээрэй” хэмээн
орилжээ. Тэгж хэлэхийг нь л хүлээж байсан мэт тэр зүгт анхаарал нэгэнтээ
хандуулснаа учраагаа сүнгэнэтэл дүүгүүрдээд хаячихаж. Бас л бөөн шуугиан.
Залуус “Хадаа, Хадаа” хэмээн шүгэлдээд л. Олны тэрхүү дэмжлэг,
сэтгэлийн хөөр­лийг хөсөрдүүлэлгүй хүчит аварга их шөвөгт Д.Цэрэнтогтох
аваргыг, түрүү үзүүрт Ёндонгийн Ишгэн зааныг орхин түрүүлсэн байна. Байнд ирсэн
монгол гутлаа өөрт нь таарахгүй учир “Алдар” нийгэм­лэгийн тамирчид,
дүү нар­таа өгс­нийг тэд зах дээр аваачиж зарснаа нэн бахархалтайгаар дурсдаг
юм билээ. Наян дөрвөн он ийнхүү Хадаатай цагаан сар бол­жээ. Тэр­хүү барилдааны
өөр сонин хач­наас хүргэе. Д.Дамдин аварга гурвын даваанд Л.Сосорбарам арсланг
амлаж барилдаад барал­гүй унасан байдаг. Мөн нэг хачир­халтай зүйл нь дөрвийн
даваанд хүч үзсэн арслан М.Мөнгөн, заан Ч.Гочоосүрэн нар удаан барилд­сан учир хасагдаж
тавын даваанд бөх сондгойрон Баянаа аварга гоц мөргөж байжээ. Бас сонин шүү.
Гочоо заан хасагдчихаад уяа бөхөд амлагдсандаа харамссан болов уу. Тухайн
цагаас Мөнгөн арсланг “Уяа Мөнгөн” гэж нэрийдэх болсон байж ч мэдэх
юм. Хоёрын даваанд Уламбаярын Мижиддорж арслан үл таних нэгэн залууд дүүгүүр­дүүлж
унажээ. Тэр нь хожмоо улсын начин цол хүртсэн Булган аймгийн Сайхан сумын
харьяат Мягмар­жавын Болдбаатар начин байсан байна. Мөн хоёрын даваанд Сүх­баатарын
Дахын Од­сүрэн хар­цага Увсын залуу бөх Ж.Ганболд (улсын заан)-д, Тө­мөрийн
Артаг начин залуу бөх Лу.Энхбаяр(улсын начин, гавьяат тамирчин нэрт бөх)-т тус
тус уна­жээ. Бас тэмдэглэлгүй өнгөрч бо­ломгүй нэг барилдаан байна аа. Тэр нь
Увсын Ө.Тулгаа, Ховдын Р.Даваадалай нар. Гурвын да­вааны төгсгөлд хүч үзэж Рав­дангийн
Даваадалай начин давсан байна.

 

Наян таван он. Дагвацэрэнгийн Хадбаатар аварга гурав дахиа түрүүлсэн жил. Ард түмэн бас л
шавайгаа ханатал баярласан нь мэдээж. Үзүүрт Д.Цэрэнтогтох аварга үлдэж,
С.Хүрэлбаатар заан, М.Мөнгөн арслан нар шөвгөрчээ. Тэр жилийн барилдаанд бас л
сонин сайхан дурсамжууд бий. Тухайлбал, С.Цэрэн аварга гурвын даваанд
Ө.Эрдэнэ-Очир арсланг амлаад унасан бол дараагийн даваанд Л.Сосорбарам арслан
мөн л амлаж барилдаад унасан байна. Барилдааны дундуур Со арслан Цэрэн аваргад
“Эрдэнэ-Очирыг хоёулаа элбээд ч бар­сангүй дээ” гэж хэлээд олныг хөг­жөөж
байжээ. Олон түмнээ “дүүгүүр” хэмээн алдаршсан Дандарын Гомбосүрэн
начин нас нэлээд ахисан хойноо зодоглож нэгийн даваанд хорьдугаар зууны манлай
онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээд унажээ. Дүүгүүр Гомбо­сүрэн зодоглосон
гэснээс тухайн үед хамгийн ахмад бөх нь Говь-Алтай аймгийн харьяат, аймгийн
арслан Ядамжавын Мөнхөө. Олон түмнээ “цахилгаан Мөнхөө” хэмээн
алдаршсан тэрээр жаран насан­даа зодоглож байсан гэдэг шүү. Мөнхөө арслантай
холбоотой нэгэн хуучийг Элчин сайд Дагвын Цахилгаан гуай хэл­сэн юм. Түүнийг
энд шигтгэе. Мөн­хөө арслан амьд­ралынхаа сүү­лийн жилүүдэд хотод аж төрдөг
байжээ. Тэгээд л жилийн жилд цагаан сарын барилдаанд ёс юм шиг зодоглодог байж.
Хүмүүс “Мөн­хөө гуай энэ жилээс болих юм биш үү. Хөгширсөн хойноо шалны
алчуур болж гүйцлээ” гэх утгатай үг цухуйлгахуйд хариуд нь ингэж хэлсэн
байгаа юм. “Би хаа хол Говь-Алтай аймгийн Халиун суманд суугаа хөгшин
ижийдээ сар шинээр очиж золгож чадахгүй. Тийм боло­хоор амьд мэнд сайн яваагаа
араажаваар дуулгах гэж л зодог­лодог юм даа” гэж хэлээд олны амыг тагласан
гэх. Мөн айхтар үг шүү.

 

Наян зургаан он. Д.Цэрэн­тогтох аварга түрүүлж, М.Мөнгөн арслан үзүүрлэсэн юм. Их шөвгийн дөрөвт
хөдөлмөрийн баатар, дар­хан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ улсын начин
цолтой үлдэж байж. Тэрээр Жамцын Бор, Зэвэ­гийн Дүвчин зэрэг аваргуудын зүрхэнд
шар ус хуруулдаг хүчтэ­нүүдийг дөрөв, тавын даваануудад тунаж орхисон байдаг.
Өнгөрөгч хоёр жил дараалан түрүүлсэн Хадаа  аварга маань Ч.Гочоосүрэн
заанд гурвын даваанд унаж олон түмнээ гомдоосон бол тэр жилийн­хээ наадамд
арван жилийн зайтай хоёр дахиа түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн билээ.
Дасран­гийн Мягмар заанд Өвөрхангайн Эрдэнэбат хэмээх өндөр залууд хоёрын
даваанд тахимаа өгсөн нь хожмын заан Дашзэвэгийн Эр­дэнэбат байжээ. Жараад оны
дунд үед цалгиатайхан барилдаж байсан “өмсдөг” хэмээх Цанлигийн
Дамдиндорж заан тэр жил зодог­лож нэгийн даваанд унасан бай­даг. Сонин болгож
өгүүлэхүйд, гурвын давааны төгсгөлд Р.Даваа­ням заан начин цолтой байхдаа
гурван бөхөөс ам сонсчээ. Тэд нь Б.Бат-Эрдэнэ (одоогийн аварга),
Ж.Бор(харцага), С.Эрхэмбаяр нарын начингууд байсан гэнэ. Тэгээд Борыг амлаж
барилдаад яалт ч үгүй тахимаа өгсөн дуулддаг.

 

Наян долоон он. Одвоогийн Балжинням аварга начин цолтой­доо түрүүлж шуугиан дэгдээсэн. Тэрээр
С.Эрхэмбаяр, Р.Давааням, Д.Баяраа, Ө.Тулгаа нартай гурвын даваанаас аваад л
тунасан байна. Тунасан бүгдээ орхисоор түрүү үзүүрт Д.Цэрэнтогтох аваргыг дав­жээ.
Ерэн нэгэн онд том Сүхбат гарьдыг давж түрүүлчихээд шидсэн чулуу шиг тугийн
мандал руу гүй­сэн шигээ Цэрэнтогтох аваргыг давчихаад ихэд баярлаж догдолж
байсан билээ. Тэр жилийн цагаан сараас луу жилтнүүдийн үе эхэлсэн гэхэд болно.
Ухаандаа, Дүгэр­жавын Хишигдорж заан залуу бөх зодоглож Дүвчин, Мягмар нарын
хүчтэнүүдийг гурав, дөрвийн да­ваанд орхиж байлаа даа. Агвааны Тэгшээ агсан
Ундрав Пүрэв заан, С.Цэрэн аварга хоёрыг нэг, хоёрын даваанд тэнгэр
харуулчихсан бай­даг шүү.

 

Энэ мэт сар шинийн барил­дааны жил жилийн түүх цааш үргэлжлэх юм аа. Дараагийн
дугаараас Б.Бат-Эрдэнэ аваргын он жилүүд эхэлнэ дээ.

 

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Моломжамц: Нүүдэлчдийн гайхам ахуйгаас үлдэж буй үнэ цэнэ миний дотор нуугдаж байдаг

“Болор цом-31” наад­мын тэргүүн
шаг­нал хүртсэн яруу най­рагч Лхагвасүрэнгийн Моломжамцтай уулзаж ярилцлаа.

Юуны өмнө “Болор цом” наадмын
тэргүүн шагнал хүртсэнд баяр хүргэе. Тэргүүн байрын шагнал хүртчихээд их гүн утга
бүхий сайхан үг хэлнэ билээ?

-Баярлалаа. Өндөр гэгээний мэлмий
оршсон, үе үеийн цэцэн билэгт яруу найрагч, зохиолчид төрсөн өврийн хангай нутгийнхаа
тэнгэр дор “Болор цом”-ын хүндтэй байр эзэлсэндээ үнэхээр баяртай байна. Манай нутгаас
өмнө нь анх Д.Пүрэвдорж гуай “Болор цом”-ын эзэн болсноос хойш яруу найрагч Б.Ичин­хорлоо
хоёронтоо уг цомыг хүртээд байсан.  

-Та “Болор цом” наа­дамд өмнө нь
айргийн гуравт давхиж байсан. Тэр чинь 2005 оны үе байх. Харин түүнээс хойш оролцоогүй
дээ. Яагаад оролцоогүй юм бол ?

-Анх 1999 оны “Болор цом” наадамд
их сургуу­лийн хоёрдугаар курсийн оюутан байхдаа шүлгээ уншиж байлаа. Бүх оюутны яруу найргийн наадмаас шалгарч эрх аваад оролцож
байсан тэр үе санаанд тодхон байна. Түүнээс хойш хамгийн сүүлд 2005 оноос хойш шүлгээ
тайзан дээр уншилгүй тодорхой цаг хугацааг үджээ. Энэ хугацаанд бүтээлүүдээ хэвлүүлж
байсан. Харин тайзан дээр уншихын тухайд бол цааргалж, хойш сууж ирсэн минь үнэн
юм. Бүтээлээ хэвлүүлчихээд явж байх нь, тодорхой бүтээл биччихээд сууж байхад миний
хувьд илүү мэдрэмж, амттай санагдсан биз ээ.

-“Болор
цом”-ын шүлгүүдийг чинь, ялангуяа сүүлийн шатанд уншсан шүлгийн талаар уншигч олон
сонирхож байгаа нь мэдээж?

-2008 оноос хойш бичиж басхүү ном
болгохыг эрмэлзсэн бүтээлүүдээсээ сонгож уншсан. “Хэзээ ба хожмыг өгүүлэх Зангирмал
үгс” нэртэй шүлгээ уншсан. Энэ шүлгээ өнгөрсөн зун, намрын заагт бичиж суусан байх
юм. Шүлэг, яруу найраг өөрөө уншигч түмэнтэйгээ ойр байх тэр мэдрэмж бололцоог ямар
нэг утгаараа энэ сайхан наадам олгож ирсэн гэж үздэг. Үүнд эл наадмын үнэ цэнэ оршин
байдаг болов уу. 

-Ингэхэд
утга зохиолын багш нар хийгээд, сургууль соёлын мөр хөөсөн тухайгаа ярихгүй юу.
Таны уран зохиолын багш Сорогдогийн Энхбаяр гэж уран зохиолын онол, шүүмжлэлийн
их хүн бий?

-1998 онд Өвөрхангай аймгийн Сант
сумын 10 жилийн сургуулийг төгссөн. Намайг уран зохиол, шүлэг яруу найрагт анх хөтөлсөн
багш маань Т.Өлзийтогтох гэж хүн байдаг. Энэ багшийгаа их хүндэтгэж явдаг. Нутгийн
Д.Лхагваа гэж ах маань бас намайг шүлэг найрагт их хөглөж хөтөлсөн байдаг юм.

Анх зургадугаар ангид байхдаа “Мөрөн
гол” гэж анхныхаа шүлгийг бичиж байсан. Хожим бодоход их учир бэлэгшээлтэй, зөн
совинтой мөр холбож байжээ. МУБИС-ийн Монгол судлалын сургууль, Утга зохиолын ажилтан-сэтгүүлчийн
ангид суралцах боломж маань өнөөдөрт намайг хөтөлж ирсэн. С.Энхбаяр багш маань надад
уран зохиолын түүх, онол, аргыг заасан байдаг. Басхүү уран зохиолын сэдвээр баг­шийнхаа
удирдлагад магистрын зэрэг хамгаалсан. Энэ их хүний лекцийг сонссон минь их азтай.
МУБИС-ийнхаа Ц.Өнөрбаяр, Д.Оюунбадрах, Ш.Гүндалай, Ж.Батбаатар, Л.Хөвсгөл гээд эрдэмтэн
багш нарынхаа шавь болсондоо ямагт бахархаж явдаг.

-Л.Моломжамц
най­рагчийн хувьд “Өдрийн сонин”-ы гал тогоонд ажиллаж уран бүтээлээ туурвиж байсан.
Бид бүхэн баяртай байна. Хэд хэдэн сайхан нийтлэл бичиж билээ. Тэр тухай мөн л асуулгүй
өнгөрч болохгүй нь. Ингэхэд манайхан л жил дараалж аваад байна уу даа?

-Үнэхээр тийм сайхан тохиол байна
шүү. “Өдрийн сонин”-ы сэтгүүлчээр ажиллаж байсан өдрүүд маань миний амьдралд их
зүйлийг өгсөн, сайхан санагддаг. “Нүүдэлчдийн яруу найргийн сүүлчийн гэрэлт аялгуу”,
“Хөх өвснөө тодрон асах монгол яруу найргийн гэрэлт чулууд” гэсэн нийтлэлүүд бичиж
байсан минь сонины үдээсэнд, цаг хугацааны нэг гэрэлт хуудас болон үлджээ. Монголын
өдөр тутмын хамгийн том сонинд ажиллаж байсандаа, сэтгүүлчийн үзэг барьж суусан
минь надад олдсон аз завшаан юм аа.

-Таны
“Нүүдэлчин сэт­гэлийн бадгууд”, “Дөрвөн цагийн мемори” гээд сайхан бүтээлүүд бий.
Эдгээр бүтээлүүдийн өм­нөтгөлийг Цэнд-Аюушийн Буянзаяа найрагч тун өвөрмөц, жинхэнэ
яруу найргийн бүтээлүүд хэ­мээн үнэлж байлаа. Ер нь таны сэтгэлгээний онцлог, яруу
найргийн мөн чанар тань юу вэ?

-Яруу найргийг хүнд зөвхөн онгод өгдөг,
хэн онгодтой нь бичиж туурвидаг мэт бодол нийтийг хамарч байдаг. Үгийн урлаг өөрөө
онолтой, түүхтэй хэдэн зуун мянганаар бүтэж, шинэчлэгдэж, түүхэндээ үе үеийн туурвилаа
үлдээж ирсэн. Энэ бол хэн хүний тухай яриа биш. Тэгэхээр үгийн урлаг өөрөө, уран
зохиол өөрөө онгод авьяас, онол, түүхийн гайхамшигт хүрээлэл, тухайн авьяастны мэдрэмж
бодлын дунд сая жинхэнэ бүтээгддэг гэдэг нь гарцаагүй. Энэ цаг үед уран зохиол,
тэр дундаа монгол уран зохиолын хөгжлийг зөв харж, зөв үнэлж, зөв зам чигийг гаргаж
явах тийм ховор хүмүүсийн нэг бол Ц.Буянзаяа зохиолчийг гэж хэлнэ байх.

Монголын уран зохиолд гайхалтай шинэчлэлийн
салхийг 1990-ээд оныхон хийсэн гэдэг нь цаг хугацаа өнгөрөх тусам улам тодрох биз
ээ. Үүнд Г.Аюурзана, Б.Галсансүх, Ц.Буянзаяа, Л.Өл­зийтөгс гээд сэтгэлгээний туг
болсон уран бүтээлчид, А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, Г.Мөнхцэцэг гээд уламжлал, шинэчлэлийг
хослуулсан маш олон зохиолч, яруу найрагчийг нэрлэж болно. Миний хувьд өөрийн бүтээлийг
тодорхойлох нь, тийм, ийм гэх нэг бодлын зохимжгүй хэрэг байх. Монгол яруу найраг,
нүүдэлчдийн гайхам ахуйг санагалзах, тэр бүхнээс үлдэж буй бүхний үнэ цэнийг дээдлэх,
шаналал, зовнил харин ямагт дотор минь нуугдаж явдаг юм шиг. Шүлэг, яруу найраг
нь сэтгэлээс эхлэн бүтэх үгийн гайхамшигт урлаг юм.

-Төрж
өссөн нутаг, Сан­тынхаа тухай “Дөрвөн цагийн мемори” номдоо та их гайхалтай, сэтгэл
хөд­лөм дүрслэлүүдийг бичсэн байдаг. Нэг дөрвөн мөртөө сонгож хэлээч гэвэл?
 

-Тийм сумын төв, суурин ахуйд амьдралын
минь тодорхой хуга­цааг элээсэн болоод тэр биз ээ. “Сантын цоморлиг” гээд өөрөө
ч бас хааяа харж унших, өөрийгөө сэрээх дуртай шүлэг бий.

…Дотуур байрны цагаан тоосго
бүрийг сугалж, бас буцааж өрж үзнэ

Дотор сэтгэлд минь багын дурсамж
хөвөрнө

Хүүхэд нь тарчихсан дотуур байр
уйтгарт автсан зуны эхэн сарын арван тавны үдэш

Хөдөө талаас цэцэгсийн үнэр анхилж,
морьдын үүрсээ дуулдана
Ийм л мэдрэмжүүд, бас уянга, ахуйн худалгүй үнэнийг тунгааж
бичихийг эрмэлзэж байжээ.

-1990-ээд
оныхон гэж тодотгол уран зохиолд нэгэнт үлджээ. Түүнээс хойш ямар тодотголтой цаг
үе уран зохиолд байх нь вэ. Таны бодлоор?

-Цаг үе бүхнийг төрүүлдэг биз ээ.
Манай үеийн залуучууд, утга зохиолд шимтэгчид бол яах аргагүй шинэ мянганы эхээр
утга, уран зохиолд орж ирсэн байдаг. Тодорхой хэмжээнд уран бүтээлээ туурвиж, олз
омогтой явна. Ер нь өмнөх цаг үеэ хүндэтгэнэ гэдэг маань уран зохиолын уламжлал,
шинэчлэлийг давхар агуулгаараа хөндөж байдаг.

-Өнөө
жилийн наадмын онцлогийг та хэрхэн дүгнэв. Бусад найрагчдаас хэн хүчтэй өрсөлдөгч
байв. Наадмын өмнө хэд хэдэн найрагчдын нэрс дуулдаад байсан. Тэр тухайд?

-“Болор цом” наадмын таамаг мэдээж
үүсдэг. Оролцож байгаа бүх найрагч л мэдээж өрсөлдөгчид шүү дээ. Манай үеийн Ц.Эр­дэнэбаатар,
П.Нямлхагва, Л.Ган­зул, Б.Батсайхан, Б.Болорцэрэн, Б.Чулуунцэцэг гээд олон сайн
яруу найрагчид маань оролцож өрсөлдлөө. О.Цэнд-Аюуш, Д.Өсөх-Эрдэнэ гээд мөн дүү
яруу найрагчид шүлгээ уншиж өр­сөлдөж байна. Энэ жилийн хувьд уншиж байгаа яруу
найрагчид шүлэг бүтээлийн сэтгэлгээний хувьд тодорхой хэмжээнд өнгө нь өөр л байсан
болов уу даа.

-Ойрын
үед уран бүтээлийн хувьд ямар зүстэй бүтээл гаргах гэж байна вэ?

-Сүүлийн зургаан жилийн хугацаанд
бичиж үзэглэсэн шүлгүүдээ эмхэтгэж “Зангирмал үгс” гэсэн нэр, зүстэй номоо уншигчиддаа
барих бодолтой яваа. Мөн үргэлжилсэн үгийн богино хэлбэрийн бүтээлүүд ч бий.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Долгорын Нямаа: Галбын говийн нүүдэл надад уянгын мэдрэмж төрүүлсэн

Монгол Улсын төрийн шаг­налт, соёлын гавьяат зүтгэлтэн яруу
найрагч Долгорын Нямаатай ярилцлаа.

-Таны “Багын минь дуу Баян­хайрхан ууланд бий” гэсэн шүлэг
байдаг. Баянхайрхан бол яалт ч үгүй таны төрж өссөн ус нутаг шиг билээ. Эндээс
л яриагаа эхэлнэ дээ?

-Манай нутагт Дэл Хөнжилийн уул гэж бий. Хоорондоо зайтай,
дун­дуураа гол, хөндийтэй. Хойд талдаа Дэлийн уул, өмнө талдаа Хөнжилийн уул.
Тэгээд Өмнөговь аймгийн нутаг болчихож байгаа юм, үндсэндээ. Хөнжилийн уулын
баруун хойд үзүүр дээр Баянхайрхан гэж цайвар шар­гал уул бий. Манай тийшээ
голцуу хар хадтай уулс байдаг. Жинхэнэ нэр нь Хонгор хайрхан. Дан хадан уул.
Агуй хонгил ихтэй, араатан жигүүртэн олонтой. Тэнд Алаг зандангийн агуй гэж
бий. Мөлхөж орсон хүн босоод цаашаа яваад өгөхөөр зайтай юм гэсэн. Сайн эрс
орогнож байсан домогтой. Манайх Баянхайрханыг тойрон нутагладаг байв. Хойд талд
нь байдаг Ухнын шанданд олон удаа зуссан. Гэрийн онгорхой үүдээр хайрханы зүг
харсан хүмүүс “аргаль явж байна” гэхэд би тэмээн зэлнийхээ аргал руу хараад
байсан инээдэмтэй явдал ч байдаг. Зуны тэргүүн сар гарч байх үед манайх
Баянхайрханы баруун бэлд буугаад байв. Сарны саруулд хянган сэрвээ нь гүдэнтээд
сайхан харагддаг уул сан, Баян­хайрхан минь. Тийм нэг шөнө бидний нойр
хүрсэнгүй ээ. 

-Хайрхантайгаа холбоотой дур­самж хэлэх гээд байна аа даа,
та?

-Тэгэх гээд байгаа ухаантай. Баянхайрханы хэц орой дээр тэмээ
буйлаад унахгүй юу. Хэзээ ч тийм явдал болж байгаагүй юм. Манайхан гайхаад
байлаа. Хайрхан дээр тэмээ гарсан бол нисэхээс өөрөөр буух арга байхгүй. Гэхдээ
үлгэрт гарахдаа ч жигүүр ургуулж яваагүй тийм амьтан чинь нисээд юу болох вэ.
Манай нутаг тэмээний эх орон. Хадан дээрээс нисч үхсэн тэмээний тухай яриа бол
байдаг л юм. Сар саруулхан шөнө хайрханы орой дээр уулгидсан тэмээ буйлан
буйлсаар сүүлдээ тэшээд эхэллээ. Тэшихэд нь хөндий хонгил ихтэй хадан уул дүн
дан хийгээд байшингийн дээвэр дэлдэх мэт чимээ гарч билээ. Маргааш өглөө нь манай­хан
явж өнөө тэмээг чинь ногтлоод хөтөлж тууж, элдэв хоёроор ноцол­дон шарх
шалбархайтай чирч гул­дарч буулгасан гэдэг. Москвад оюу­тан байхад ч юм уу, ер
хаа явсан газраа би Баянхайрханаа санаж, бараа дүрийг нь сэтгэлдээ ургуулж
явдаг сан. Аргагүй миний нутгийн онгод оргил нь болсон газар юм даа. “Багын
минь дуу Баянхайрхан ууланд бий” гэж аль тэртээ жараад онд бичсэн минь ийм
учиртай. Нам гүмхэн талын дунд галав эртний цахир хайрст аварга биет амьтан
хөлөө жийж толгой юугаа дээр нь тавиад сунан хэвтэж байгаагаар төсөөлөөд үзье.
Баянхайрхан тийм л уул.

-“Тэнгэрийн хаяа” номонд тань луутай холбоотой хэсэг байдаг.
Ээж тань үнэхээр луутай таарсан болов уу? 

-Тэр бол миний сэгсэнд явсан үе юм билээ. Сэгс гэхээр Алтай,
Хангайд ойлгодоггүй. Тэмээнд тэгнэж явдаг дөрвөлжин том араг гээд саначихад
болно л доо. Нүүдлээр хүүхдээ суулгаж явдаг өөжингийн нэр юм. Дөчөөд оны эхээр
юм байна. Манайх хоёр гэрээр хангай өөд нүүж явжээ. Манай нутгийнхан хойшоо
зүглэвэл хангай гэж ярьдаг. Үнэндээ бол тэр нь хээр тал газар. Эмэг эхийн минь
төрсөн дүү хүүхэн Цаг, түүний нөхөр “мараа” Дамба гэж хэлгүй хүн байсан.
Тэднийхтэй айл нүүсэн юм билээ. Зуур замд нь Шанд сүүжийн ус тааралджээ. Тэнд
тэмээгээ услах тухай ярилцаад Дамба агсан нүүд­лийн тэмээний ачаанаас ховоо
шувт татаж аваад үсэрсэн гэдэг юм. Хэзээний түргэн шалмаг хүн байсан санагддаг.
Ховоогоо усанд хаяснаа буцааж чулуудчихаад нүд нь орой дээрээ гарсан хачин
амьтан хэлээ гаргасаар давхиж ирсэн гэнэ. Ээж “Худагт мал амьтан унаж үхсэнээс
зайлаагүй, одоо яадаг билээ” гэж боджээ. Гэтэл Дамба дохиогоор ховоогоо усанд
хаятал нүүр өөд гал цацарсан гээд дахин дахин хэлээд байх юм гэнэ. Түүний
хэлснийг ээж үнэмшиж ядаад худаг руу очиж өнгийтөл юу харагдсан гэж санана.
Толгой дээрээ угалзарсан их эвэр шиг дарайсан сэрийсэн юмтай, аяга шиг том
нүдтэй ногоон эрээн амьтан худгийн ёроолоос цэрлийтэл ширтэж байв гэнэ. Тэр
ногоон амьтныг удаан харж чадалгүй “Ээ ачит минь” гээд буцаад үсэрчээ. Ээж энэ
түүхийг байн байн ярьдаг байлаа. “Луу байдаг юм билээ. Худаг усанд ичдэг.
Түүнийг амьд биеэр нь үзсэн” гээд ярина. Ээжийнхээ тэр ярианд би итгэдэг
шүү. 

-Тэр жил та Дорноговийн Хатан­булаг сумын нутагт байх
Эргэлийн зоонд  ихэд сүслэн мөргөж билээ.
Мичин жилийн зуднаар танайх Эргэлийн зоонд нүүдэллэн ирж өвөлжсөн гэдэг билүү?

-Мичин жил манайх Галбын говь руу нүүсэн. Галбын говь гэдэг
нь “Арван өртөөний газраас аялан дуулж сууна даа” гэдэг шиг тоймгүй хол газар.
Тийм хол газрыг туулна гэдэг яаж амар байх вэ. Дөчөөд оны үеийн нам төрийн
удирдагч Ч.Сүрэн­жав, С.Янжмаа гуай нар Дорноговь, Өм­нөговийн олон сумдаар явж
нутаг үзээд Дундговийн Өлзийт, Буянт-Овоо, Гурвансайхан сумдын хэдэн зуун
өрхийг Галбын говийн чиглэлд нүүлгэжээ. Мичин жил буюу дөчин дөрвөн оны өвөл
манайх Өлгийн хийдийн хаяанаас нүүж Эргэлийн зооны ард Хар тээг гэж нэрлэдэг цасны
бууцанд өвөлжжээ. Даашаар, Гэндэн, Чойсүрэнгийнх, манайх гээд нэг нутгийн
дөрвөн өрх айл. Даашаар гуай тахар хүн. Бас залуудаа тахар явсан Шийрав, Бунжаа
гээд гурван өвгөн нэг гэрт байх тул тэднийхийг “тахарынхан” гэдэг байсан юм
билээ. Тахар гэдэг нь элч зарлагын нэр юм. Эргэлийн зоонд өвөлжих тэр жил зээр
гөрөөс тоймгүй элбэг. Хэдэн өрхийн харчуул дандаа ан ав хийдэг байв. Дайны жил
болохоор ангийн гэрээтэй. Зээрийн махыг суманд тушаана. Сунгаж хөлдөөсөн зээр
нэг тэмээнд арван хоёр орчмыг ачаад жинчид Улаан­баатар цаашилбал Алтанбулагт
хүргэдэг байжээ. Нэг орой манай хотныхонд түгшүүртэй үйл явдал болов.

-Юу болох нь тэр вэ?

-Арван тавт Гэндэн гуайн хүү Аманж цахиур буугаар ан хийдэг
байж. Тэгтэл анд авч явдаг том хүрэн тэмээ нь цусаа асгаруулсаар сажилж ирэхийг
бид харлаа. Би хэдий бага байсан ч гэлээ ангийн тэмээ цусаа садруулсаар хүмүүс
рүү бүлтэгнэн харж зогсох тэр агшныг сүрхий тод санадаг юм. Аманж гөрөөсөнд
дөхөж очоод тэмээнийхээ омруун доогуур буу онилтол цаадах нь өвс хазах гээд
тонгос хийхтэй яг таарчихаж л дээ. Эргэлийн зоонд ингэж нэг жилийг өнгөрөөсөн
байдаг. Галбын говийн нүүдлээс миний сэтгэлд хамгийн тод үлдсэн юм гэвэл газар
усны нэр. Сүм суварга, Гурван хасар, Ухаа заг, Эргэлийн зоо, Онгон саглагар
гээд явна даа. Багадаа би холын хүний амнаас нутаг усны нэрийг сонсох гэж чих
тавьдаг байсан. “Хэт нутаг хаана вэ” гэж асуухад, Зах гурван зээмэг, Заг
сүүжийн говь, Модон тоонотын гол, Хаяа гурван бөхтэй, Цахиур таван толгой,
Хярын гурван алтгана, Ингэн сэвстэй 
гэхчлэн ямар нэгэн шүлэг дууны нэр хэлээд байх шиг санагддаг сан. Тэр нь
балчирхан надад уянгын нэгэн сэрэл мэдрэмж шивнээд бай­сан ч юм билүү. Хэрэв
сэтгэлд минь ямар нэгэн хөг эгшиг бүрэлдсэн бол тэр нь миний боддогоор Галбын
говийн нүүдэлтэй холбоотой. Тэр сар өдрүүдэд миний харж явсан юм гэвэл айлын
нүүдэл, зээрийн сүрэг, элсэн манхан, их заг, олон тэмээ, холын уулс, тэнгэрийн
хаяа. Манай говьд тэнгэрийн хаяа нүүж явдаг. Түүнийг нэхэж яаж гүйцэх билээ.
Гэхдээ “би энд явна” гэж даллаад байдаг нь сонин. Тэнгэрээр үүлс нүүдэг бол
газраар бас үүл нүүдэг. Газраар нүүсэн үүл нь Монголын хээр талын нүүдэлчид юм.
Би чинь Ховдын Эрдэнэбүрэнгийн,­ баруун Алтайн хүргэн. Алтайн газар усны нэр
надад тийм чиг сонсголонтой санагдаагүй. Учир нь юунд вэ гээд бодохоор Алтай
гэхээр нүүрэнд тулсан нэг л том “юм” байгаад байдаг. Харин манай говь болохоор
тэртээд алсалсан, цэнхэртсэн, сүү­мэлз­сэн. Ерөөс яруу найраг, уран зураг шиг
учир газар усныхаа нэрийг ч өөрөө л тийм нэг сонсголонтой болгодог шиг
билээ.  

-Таныг эмч гэдгийг мэдэх нэг нь мэднэ. Олон түмэн бол нэр
алдартай зохиолч, сэтгүүлчээр нь мэдээд байдаг. Хүн эмнэлгийн техникумд сурч
байх үеэ дур­сахгүй юу?

-Хүн эмнэлгийн техникум одоо­гийн Гадаад харилцааны яамны
өмнө талд Ерөнхий сайд Гэндэнгийн байрны өөдөөс харсан хоёр том хашааг эзэлж
байв. Хөдөөнөөс шинэхэн ирсэн би Гадаад харил­цааны яамны шовгороор чиг барьж
явсаар сургуульдаа очдог байлаа. Үнэндээ том сургууль байж шүү. Тухайн үеийн
арван найман аймгийн цэцэг шиг охид тал бүрээс цугладаг байсан. “Цэцгийн мандал
шиг охи­дын дунд сэлж явлаа, би” гэж нэгэнтээ хэлсэн нь бас ч хэтрүүлсэн үг биш
юм. Ах минь уг сургуульд оруулж байлаа.

-Давааням ах чинь үү?

-Тийм ээ, ах маань Дундговьд багшилж байгаад хот руу цэрэгт
татагдсан. Тэр үед Өлзийтөөс хотод ганцхан айл байсан нь Ерөнхий сайд агсан
Наранцацралтын аав Жан­лавынх байжээ. Жанлав гуай л ахыг цэрэг цуухаас нь
гаргаж эмч болгох санаатай Хүн эмнэлгийн техникум бараадуулсан юм даг уу даа.
Ах хоёрдугаар курсын оюутан байхдаа нутагтаа очиж долдугаар анги төг­сөөд
байсан намайг шууд л хотод авчирч өөрийнхөө сурч байсан сургуулийн босго
алхуулсан нь тэр.

Хүн эмнэлгийн техникум танд юу өгсөн бэ гэвэл, би гурван том
зүйл өгсөн гэж хариулна. Эхнийх нь гараа угааж сурахыг надад сургажээ. Төг­сөөд
би сүрьеэгийн отрядад хуваарилагдаж байсан. Сүрьеэтэй хүмүүстэй ажиллана гэсэн
үг. Гар угаах гэдгийг сурахгүй хаачихав. “Би өдөрт 30, 40 удаа гараа угаадаг”
гэж Бааст гуай “Монгол тулгатны зуун эрхэм”-д орохдоо хэлсэн биз дээ. Ерэн нас
хол гарч яваа Бааст гуай тэгж хэлэхийг бодоход гар угаана гэдэг урт наслахтай ч
холбоотой байж болох. Нөгөө нэг зүйл нь бага эмчийн мэргэжил эзэмшсэнээр би
Горькийн сургуульд явах хөрс суурь тавигдсан гэж хэлж болж юм.

-Яагаад?

-Горькийн сургуульд нэр алдар­тай, ном зохиол бүтээл
туурвилаараа алдаршсан хүмүүсийг нэг үе Мон­голын зохиолчдын хорооноос явуу­лаад
байсан чинь өнөөдүүл чинь танхайраад, архи уугаад, оросуудтай зодолдоод нутаг
буцаад болдоггүй гэнэ. Дашдооров, Цэдэндорж, Бат-Очир гээд хэд хэдэн нөхөд
хөөгдөөд ирж л дээ. Дооров, Цэдэндоржийг манайхан мэднэ байх. Бат-Очир гэдэг нь
жүжгийн зохиолч байлаа. Тэгээд Зохиолчдын хорооноос дунд мэр­гэжилтэй, хөдөө
гадаа ажилласан, амьдрал мэдэх хүмүүсийг явуулъя гэсэн бодлого барьсан юм
билээ. Яг энэ үед нь би таарахгүй юу. Тэгэхээр Хүн эмнэлгийн техникум яалт ч
Горькийн сургуульд явах шат гүүр болсон байгаа биз. Гурав дахь том зүйл нь би
тэндээс ханиа олсон. Ийм л гурван том зүйлийг надад өгч хувь заяаг минь
хөтөлсөн сургууль. 

-Дурсамжтай хөгтэй зүйлээсээ яриач? 

-1960 оны гуравдугаар сард би Дэлгэрцогтоос эхэлж Адаацагаар
дуусан Дундговь аймгийнхаа нутгийг нар зөв бүтэн тойров. 1959-1961 онд говийн
энэ аймагт сүрьеэ өвчнийг илрүүлэх болон анагаах ажилд хүний их эмч Мөнхийн
Бямба, Авзайн Цэвэгжав, орос эмч Евгения Вилинс­кая нарын хориод нөхдийн хамт
нэг баг болон ажиллаж эхэлсэн юм. Биднийг Бямба даргалж явлаа. Нэг суманд
арваад хононо. Хаврын цасан шуурганаар малчид шинжил­гээнд ирэхгүй саатах явдал
зарим сумдад гарч байв. Орос эмч түүнд бухимдан, радиогоор зарлуулаад л болох
юмыг та нар хөдөлсөнгүй гэж загнадаг сан. Малчид шугамын радио сонсоод сууж
байх ухааны юм боддог байж л дээ. Жаран оны хүйтэн өвөл Архангай нутгийн хүү,
бага эмч Баяраа бид хоёр аймгийн төвд сангийн том гэрт зутарч  өвөлжсөнөө мартдаггүй. Шөнө хөнжлөөс толгой
ил гаргахад даараад, зуухны хүхээнд тавьж хоно­сон дөчийн бидонтой ус өглөө
босо­ход голгүй хөлдсөн байдаг сан. Баяраа маань цай чанах гээд бидо­ныхоо
бөөрийг сүхээр түс түс­хийтэл балбаж зогсдог байж билээ. Сумдаар нар зөв тойрох
зуур Их газрын чулууг сонирхож, Өөш манханы элсэнд хөл тавьж, Дэлгэрхангай уул
өөд мацаж, Онгийн голын уснаас амсаж явлаа. Аймгийг нар зөв эргэсэн энэ тойрог
замд явахад Улаанбаатар хотод анхны хүүхэд төрж, “Залуучуудын үнэн” сонинд
шүлэг минь нийтлэгдэж, “Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу, би”
шүлгээ бичсэнээс эхлээд ярих дурсах юм байлгүй яахав. 1999 оны зун Архангайн
зохиолч О.Цэндийн далан насны ойд оролцож яваад Тариатын замд буюу Донгойн
хөндийд олон жилийн тэртээ Дундговьд хамт явсан Баяраатайгаа нүүр учрав.

-Өө тийм үү?  

-Баяр маань Өндөр-Улааны ууланд сарлаг хариулсан шигээ явна.
Тариатаас буцах замдаа сураг­ласаар яваад оройхон тэднийд очсон юм. Энэ нөхрийн
тогоог хоёр жил барьсан шүү гээд угтсан. Москвад намайг Горькийн сургуульд
явсан хойно Архангай руу нүүхдээ захидал бичээд “Чиний хоёр хайрцгийг хадаж цоожлоод
Амгаасэдийн байшингийн ёроолд хийлгэчихсэн, санаа зо­волтгүй” гэсэн байж билээ.
Амьд­ралын их замд хүн янз бүрийн хүнтэй танилцаж, нөхөрлөж, ойртож, холдож
явдаг ч надтай цуг бага эмч байгаад дараа нь их эмч сүүлд өндөр уулын үхэрчин
болсон Архангайн Баяраа шиг сайн хүмүүн тааралдсан ч билүү, үгүй ч билүү гэсэн
зүйл бодогдоод байх нь бий дээ.

-Хүн эмнэлгийн техникумд байх үедээ та Балжинням гэж Хонгор
нутгийн охинд жигтэйхэн дурлаад, хэзээ хойно дахин таарч байснаа дурсдаг.
Гэргийтэйгээ хэрхэн танилцсанаас урьтаад үүнийг асуучихлаа, уучлаарай?   

-Би ч яахав дурсамжаа ярина л даа. Харин Отгонбаяр (гэргийгээ
хэлж байна) чамайг уучилдаг болов уу, яадаг бол. Тавин найман оны зур­гаан
сарын нэгний хүүхдийн баярын өдөр Техникумын жолооч Дэмбэрэлийн “Зис-5” машиныг
хөлөглөсөн бидний хэсэг оюутан Баянхонгорт тавьж буув. Сургуулийн хичээл нэгэнт
завсарлаад улсын шалгалт өгч буй аравдугаар ангийнхан үлджээ. Манай оюутнууд
тэдэнтэй нийлж лааны гэрэлд бүжиг наадам зохион байгуулдаг, эрэг­тэйчүүд нь
барилдаж бөмбөг тоглож цэнгэлддэг байв. Тэдний дунд хож­мын төрийн шагналт яруу
найрагч П.Пүрэвсүрэн байсан юм билээ. Даанч бид хоёр бие биеэ мэд­дэггүй
байжээ. Аравдугаар анги төгсөгчдийн дунд Балжинням гэж царайлаг өндөр нуруутай
охин бай­лаа. Сайхан бүжиг­лэж, инээмсэглэж явдаг онц сур­лагатай тэр охин
яагаад ч юм сэтгэл зүрхийг минь дэнслүүлж орхив. “Энэтхэгийн залуу бүжигч охин
чам­тай танилцахыг хүснэ” гэдэг шиг л юм боллоо. Гэхдээ тэр үеийнхний хувьд
танилцана гэдэг тийм ч ойр зуурын юм байгаагүй. Гадаад ертөн­цөд нэвтрэх эрх
олж авах гэж хөө­цөл­дөхөөс дутуугүй зүйл шиг санаг­дана. Бодон бодсоор явтал
улсын шалгалт дуусч орхив. Балжинням хаашаа явсныг бүү мэд. Хэнээс ч асуух
билээ дээ. Нэг өдөр аймгийн төвөөс зүүн тийш дуудлаганд явдаг юм байна. Зуур
замд гүү барьсан айл таарал­дахаар нь бууцгаав. Айраг уух гэс­нийх биз. Гэтэл
уг айлд мөнөөх сураг алдсан Балжинням аарцны уутны ам бариад хөл нүцгэн зогсож
байдаг байгаа.

Н.ГАНТУЛГА

Үргэлжлэл
бий

Categories
редакцийн-нийтлэл

Увсын хоёрыг эргүүлэн татахгүй юугаа хүлээгээд байгаа юм бол

Хүрлээ, Чойжоо хоёрын УИХ-ын гишүүн
болсон  үйлдэл үнэндээ хар мөртэй байна. Гэмгүй
олон хүнийг араасаа чирч, орон шорон­гийн хаалга татуулан үйл тамыг нь идэж байна
даа, хөөрхий. Өндөр дээд боловсрол эзэмшсэн залуу­сыг хайрандаа нялхарч буй шинэ­хэн
амрагаас нь холдуулж, балчир үрийнхээ сэвлэгийг үнэрлэх үнэт цаг хугацааг нь тасчин
төмөр торны цаана суулгаж байгаа нь аймшиг­тай. Яахав дээ, хүний л амьдрал хойно
таван халтар төгрөгийн хойноос итгэл үнэмш­лээрээ явсан залуус нэг л мэдэхэд буруу­тан
болж “Бүгд найрамдах”-аа уншуулаад дээлээ нөмөрснийг манайхан мэдэж байгаа. 

Хүрлээ, Чойжоо хоёрын сон­гуульд идэвх
зүтгэл гарган, нэр дэвшигчдийнхээ сценариар ажил­лас­ан залуус тийнхүү буруутан
болж, шүүхийн өмнө  толгой бөхийн зогссон
юм.

Харин хууль бус үйлдлийн гол шалтгаан
болсон нөхөд хариуц­лагаа хүлээлгүй, гэм зэмгүй мэтээр   Их хурлын танхимд дархан эрхтэй  заларч байгаа. Шоронд явсан залуусын ар гэрийг
мэдээж сайн харж үздэг болоод л тэд өөрс­дийгөө гишүүн хэмээн хэлж чаддаг байлгүй
яав гэж. Тийм бишсэн бол  нойр нь ч хүрмээргүй
юм  жирийн хүнээр жишээ авбал. Арай улстөрчид,
улс төрийн төлөө, намын төлөө тэд ингэх ёстой гээд сууж байдаг юм биш байгаа. 

Ингэхэд Увсын хоёрын түүхийг эргэн
сөхье л дөө. Хүрлээ, Чойжоо буюу Ч.Хүрэлбаатар, Б.Чойжил­сүрэн нар 2012 оны ээлжит
сонгуульд Монгол ардын намаас УИХ-ын арван тавдугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн
билээ.

Тэд ялалт байгууллаа хэмээн улс даяар
зарлаж, улмаар Их хурлын танхимд тангараг өргөн Монгол Улсын Их хурлын гишүү­ний­хээ
бүрэн эрхийг баталгаажуул­сан. Гэвч тэднийг төрийн дархан түшээ болсон цагаас л
Сонгуулийн хууль зөрчсөн гэх мэдээллүүд  ар
араасаа баримттайгаар дэлгэгдсэн юм. Үүнийг манай хоёр огтхон ч тоогоогүй л дээ.
Өмнө нь тиймэрхүү хэл аманд орооцолдож, тэр бүхэн өөрсдийнх нь талд шийдэгдэн, баримттай
нотолгоотой зүйл дэл­гэс­нийхээ төлөө буруутан болсон хүмүүс амаа барьж, аргаа бараад
хоцорсон болохоор манай хоёр хэтэрхий бардам байсан биз. Юу­наас чиг айж сандралгүй
дөжир­чих­сөн байсан нь мэдээж. Хуулийг гууль гэж санадаг, Их хурлын сонгуулийг
юу ч гэж боддог хүмүүс юм бэ дээ мэдэхгүй. Ямар нэгэн аргаар, яаж ийгээд ялах л  ёстой гэж боддог юм шиг байгаа.

 Тулаанд ялна гэсэн зарчмаар орох зөв ч өнөө цагт
бол хуулиа дагах нь зүйн хэрэг. Хуучны Ху-гийн нөхөд төр засаг барьж байх цагт хууль
мууль гэж байсан юм уу даа. Ялангуяа Сонгуулийн хууль энээ тэрээ нь амьдрал дээр
хэрэгждэг байсан юм болов уу. Хууль зөрчөө­гүй үнэнээрээ  гэлдэрсэн нь бурууд­даг байсан юм биш үү. Он он
жилд даамжирсан энэ байдал хаа бай­гаа Увсын хязгаар, сарьдаг уулсын дунд үзэж тарсан  Хүрлээ, Чойжоо хоёрт маань л нөлөөлчих шиг болсон.

Манай хоёр яахав, сурсан зан­гаа­раа
УИХ-ын сонгуулийн суртал­чилгааны хугацаа дууссан хойно урсдаг самбар гээчээр рекламаа
явуулсан, тэр ч бүү хэл төрийн албан хаагчийг сонгуулийн штаб­таа ажиллуулсан гэх
маргаан дэг­дэж захиргааны хэргийн шүүхээр орсон.

Мөн “Ч.Хүрэлбаатар, Б.Чой­жил­­­сүрэн
нарыг дэмжиж саналаа өгөөрэй” хэмээн айлуудад 100 мянган төгрөг өгсөн гэх Увс айм­гийн
МАН-ын сонгуулийн штабын­ханд холбогдох хэрэг Эрүүгийн хэргийн шүүхээр орсныг ч
санаж байна.

Захиргааны хэргийг ч, Эрүүгийн хэргийг
ч Дээд шүүх хянаж эцсийн шийдвэрийг тухайн цаг үед нь  гаргасан. Ингэхдээ Дээд шүүх захиргааны хэргийн
тухайд “Сон­гуу­лийн ерөнхий хороо бүрэн эрхийн­хээ хүрээнд шийдчих асуу­дал байна”
гэсэн утгатай шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр
хэлбэл, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжил­сүрэн нарыг УИХ-ын гишүүнээр тооцсон Сонгуулийн
ерөнхий хорооны тогтоолыг Дээд шүүх хүчингүй болгоогүй, Сонгуулийн ерөнхий хорооны
бүрэн эрхийн асуудал гэж үзсэн. Харин Эрүүгийн хэргийн тухайд Дээд шүүх энэ оны
дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хуралдаж, шийдвэрээ гаргасан. Ингэхдээ Ч.Хүрэлбаатар,
Б.Чой­жил­сүрэн нарын сонгуулийн штабт ажилласан Т.Гансүх, Я.Лхагва, Н.Жамсран,
Ш.Чинбат, Я.Баттогтох нарт тус бүрт нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12 сая 636 мянган төгрөгөөр торгох ялыг хэвээр
үлдээсэн.

Ухаандаа, Т.Гансүх, Я.Лхагва, Н.Жамсран
нар нь Увс аймагт МАН-аас нэр дэвшигч Б.Чойжил­сүрэн, Ч.Хүрэлбаатар нарын сон­гуу­лийн
сурталчилгаанд ажиллах явцдаа буюу 2012 оны зургадугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн
Тариалан сумын Бургастай багийн нутаг дэвсгэрт нэр бүхий найман иргэнд “Нэр дэвшигч
Б.Чойжил­сүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг дэм­жээрэй, тэдний төлөө саналаа өгөөрэй” гэж
түрээсийн гэрээ хийх байдлаар хүн тус бүрт 100 мянган төгрөг, нийтдээ 800 мянган
төгрөг тарааж, иргэний сонгох эрхээ хэрэг­жүүлэхэд нь санал худалдаж авах аргаар
саад хийсэн гэдгийг Дээд шүүх эцэслэн тогтоосон.

Мөн Я.Баттогтох, Ш.Чинбат нар МАН-аас
нэр дэвшигч Б.Чойжил­сүрэн, Ч.Хүрэлбаатар нарын сон­гуу­лийн сурталчилгаанд ажиллах
явцдаа буюу 2012 оны зургадугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд нэр
бүхий есөн оюутанд гэрийг нь сонгуулийн сурталчилгааны байрны зориу­лал­таар ес
хоногийн хугацаагаар түрээслэх нэрээр хуурамч гэрээ хийж, тус бүр 150 мянган төгрөгийг
өгч иргэний сонгох эрхээ хэрэг­жүү­лэхэд саад учруулсан гэдгийг ч эцэслэн тогтоосон
байдаг.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн
35 дугаар зүйлийн 35.29-д “Сонгогчид бэлэн мөнгө, эд бараа тараасныг сонгогч баримттайгаар
сонгуулийн хороонд мэдэгдсэнийг тухайн сонгуулийн хороо холбог­дох байгууллагад
шилжүүлэх бөгөөд уг асуудлыг холбогдох байгууллага үндэслэлтэй болохыг нь тогтоосон
тохиолдолд Сонгуу­лийн ерөнхий хороо тухайн сонгог­чид бэлэн мөнгө болон эд барааны
үнийн дүнг арав дахин нэмэг­дүүл­сэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож,
гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Энэ бүгд эцэслэн шат шатны
шүүхээр тогтоогдсон байна. Тийм учир Сонгуулийн ерөнхий хороо одоо энэ хоёр гишүүнийг
даруйхан огцруулах хэрэгтэй юм. Юугаа хүлээгээд өдий хүртэл байлгаад байгааг ойлгохгүй
байна. Ардчилсан нам зөөлөн аядуу үйл ажиллагаатай байдаг. Тийм учраас л элэг барьж
байдаг юм байх даа. Хуучин МАН төр бариад Ардчилсан намын нөхдүүд ийм юм хийсэн
бол аль хэзээний шоронд орчихсон байгаа. Тэр жил С.Эрдэнэ гишүүн УИХ-д сонгогд­сон
биш шоронд явчихаа биз дээ.

Дээрх хоёр гишүүний хууль зөрчсөн
хэл ам өнөөдрийг хүртэл тасраагүй. Одоо Тариалан сумын  13 иргэн зарга заалхай болоод  улсын нийслэлээр явж байна.  Тэд дээрх хуулийн заалтаар шагналд авсан мөнгөө
буцааж өгөхөөр заалдаж байгаа. Нэг хүн нэг сая төгрөг авсан юм байна. Нийлээд
13 сая төгрөг авчихсан юм гэнэ. Тэгээд одоо нутагтаа амьдрах арга үгүй болоод ирсэн
биз ээ.  Яагаад гэвэл  захын хүн “жудаггүй муусайн юм­нууд. Та нар наад
хэдэн төгрөгөө­рөө баяжаарай” гэж агсам тавьж байгаа болов уу. Хуулийн уг заалт
өнгөцхөн харахад ихэд шударга юм шиг харагдавч 
хүний ёсноос гажсан сонин зан авирыг хөхиүлэн дэмжсэн нь харагддаг. Энд хууль
бусаар төрийн эрхийг авах нь зөв гэж байгаа юм биш. Энэ буруу, буруугийн цаад буруу.
Харин хүний юмыг авчихаад буцаагаад ховлохлоор нь шагнана гэдэг  чинь одоо юу гэсэн үг вэ. Шулуухан хэлэхэд  хүнийг хүн ёсноос нь салгасан хууль баталжээ,
эрхэм мэргэн түшээд минь.

 Хүнийг хүн болгодог, хүнээр нь харагдуулдаг хэдхээн
зүйл бий. Тэдний нэг  гол үзүүлэлт болох  хүний жудаг гэж нэг том зүйлийг хуулиар үгүй болгочихсон
юм биш үү.  Маш товчхондоо гэвэл  энэ жудаг гээч зүйл чинь хүн чанар шүү дээ. Хүн
чанар ёс жудагтай, аливаад ханатай, нуруутай нэгнийг “хүний хувьд ч гэмгүй дээ”
хэмээн хэн хүнгүй дээдэлдэг. “Юухан хээхэнд ч хүнлэг чанараа дэвсэж, бусдыг хайрлах
хайраар өөрийгөө дутаагаагүй бол хүний хорвоод амьдарсны хэрэг бүтэх нь тэр дээ”
гэж аливаад ухаалаг, ултай ханд­даг өвгөдийн гэрээс бий. Энэ өдрүү­дэд Увс аймгийн
Тариалан сумын иргэд Монгол Улсын нийс­лэл Улаанбаатар хотноо Засаг дарга Цолмонгоор
ахлуулан хүрэлцэн ирж хэвлэлийн бага хурал зарлан олон хуулийн дагуу мөнгө арав
дахин өсгөж авсан ч тэд зөвхөн мөнгөний төлөө үүнийг хийгээгүй, шударга ёсны төлөө
үүнийг хийсэн гэж мэдэгдэж байна.

Увс аймгийн нэр бүхий 13 иргэн Б.Чойжилсүрэн,
Ч.Хүрэлбаатар нарын тараалгасан гэх 100 мянган төгрөгийг өнгөрсөн зургадугаар сард
тойргийн хороонд шилжүүл­сэн.

Тойргийн хороо мөнгө тараа­сан гэх
асуудлыг шүүхээр шийд­вэр­лэсний дараа сонгогчдод урам­шуулал олгох асуудлыг хэлэлцэнэ
гэж нээлттэй үлдээгээд байсан юм. Харин Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа буюу энэ
оны дөрөв­дүгээр сарын 14-нд Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж Увс аймгийн Тариалан
сумын нэр бүхий 13 иргэд тус бүр нэг сая төгрөг олгохоор болсон. Үүний дагуу Увс
аймгийн Тариалан сумын иргэн Х.Баярсайхан, З.Мөнхнасан, Ч.Бат-Эрдэнэ, М.Шинэн, Ч.Сосор­барам,
Ж.Далай, М.Хүүхээ, Ж.Жав­зан, Б.Долгор, М.Нүүдэл, Н.Бурмаа, М.Отгонхүү, М.Шижгэрбат
нарт мөнгөн урамшууллыг нь СЕХ-оос тус бүр нэг сая, нийтдээ 13 сая төгрөг олгосон
юм.

Тэдгээрээс М.Нүүдэл, М.Отгон­хүү,
Б.Долгор нарын долоон иргэн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнд нэг
сая төгрөгөө буцааж өгнө гэдгээ мэдэгд­сэн. Яагаад ингээд байгааг дээр  би таамагласан онох үгүйг хэн мэдлээ. Тэд яагаад
заавал шударга ёсны төлөө үүнийг хийсэн гэж мэдэгдээд байгаа  нь өөрөө бидний таамгийг батлаад байна. Нэг ёсондоо
жудаггүй хүмүүс мэт харагдаад байсан хэрэг л дээ 

Увсын Тариалангийн “саяын­хан” гэсэн
хочтой хэсэг бүлэг хүмүүс бий болох бий дээ. Төрийн хуулийг бодлогогүй ч юм уу бодлогоор
зориуд хооронд нь хагаралдуулах гэж гаргадаггүй л  байлтай. Тэдгээр хүмүүс яг хуулийн дагуу л ажил­ла­сан.
Гэхдээ нутаг усныхан нь “шударга” гарууд гэх үү. Аль эсвэл ашиг  харсан хүмүүс гэж   ад үзэх 
болов уу. Үүнийг хэн ч хэлж мэдэх­гүй. Харин “саяынхан” гэж хоч авчих­вал  “хусавч арилахгүй” гэгч болж үе удмаараа тэгээд
нэршчих  вий дээ хэмээн тэдгээр иргэдийн өмнөөс  нуруу хавталзаж суух юм.   Шударгад ч хэмжээ бий гэсэн хэлц үг байдаг.  Шударга байлгах гээд төр хуулийг иймэрхүү зан
заншил­тай таарч тохирохгүйгээр хийх ямар осолтой байдгийг бид харж байна. Сонгуулийн
тухай хуулиас гадна Авлигын тухай хуулийн заал­тууд бас байна аа. Уншихад  сэжиг  ч
хүрмээр  юм шиг  заалтууд байна. Авлигын хуульд “Та авлига өг.
Тэгээд ажлаа бүтээ. Дараа нь авлига авч ажлыг чинь бүтээсэн этгээдийг авлига авсан
хэмээн матаад мөнгөө буцаагаад авчих гэсэн утга бүхий заалт л даа. Ийм юм гэж байх
уу. Ухаандаа, гэргий минь охиноо цэцэрлэгт өгөх гэж багшид нь ганц набор өгөөд дараа
нь түүнийгээ Авлигатай тэмцэх газар мэдэгдээд ажлаас нь халуу­лах, үйл тамыг нь
идэх нь л дээ. Тэгээд  бид бүтэн нойртой хонож
чадах уу. Манай эрхэм түшээд л унтаж чадах юм байх даа.  Иймэр­хүү адгийн шаарнуудын гаргадаг зан авир
гаргахыг л  Монголын төр засаг шаардаад хуульчлаад
байх юм. Эл бүгдээс анзаарахуйд Монгол Улсад амьдрах аймаар ч юм шиг. Хэн хэзээ
хуулийн дагуу намайг хорлочих бол гэж  бодохоос   жихүүдэс  
ч  хүрэх шиг.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Ямар чиг байсан “янтгар” хатад минь зарга шүүж байсан нь дээр юм шиг байна

Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уул­залт
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өнгө­рөгч хоёр өдрийн турш болж өндөрлөлөө.
Манай төрийн түшээ бүсгүйчүүдийн санаа­чилгаар зохион байгуулагдаж буй уг чуулганд
хойд, урд хөрш орнууд болох Орос, Хятад болоод Өмнөд Солон­гос, Хойд Солонгосын
пар­ламентын эмэгтэй төлөөлөг­чид оролцсон. Мөн Японы эмэгтэй парламентчид  ирэх байсан боловч тодорхой шалт­гааны улмаас
амжаагүй бөгөөд илгээлт явуулж хүн­дэтгэлтэй хандсан байна. Монголчууд өөрсдийгөө
дэл­хийд гайхуулах бас нэгэн томоохон үйл явдал нь энэхүү чуулга уулзалт боллоо.
Өөрийн­хөө үзэл санааг шууд тулган шаардаж байгаа юм биш шүү. Болоод өнгөрсөн үйл
явцаас харахад тийм сэтгэгдэл төрж буй хэрэг. Олон улсын шинжээч, улс төр судлаач,
нэртэй төртэй зүтгэлтнүүд чуулга уулзалтын талаар санаа оноогоо хэлэх биз ээ. Харин
нэг зүйлийг онцлоход, яагаад ч юм энэ дэлхий дээр монголчууд бид эмэгтэйчүүд, эхчүүдээ
хүнд­лэн дээдэлж, бүсгүй хүний ухаан, монгол хатдын суу билгийг ярьж, бичиж, биширч
ирсэн ард түмэн юм. Түүхийн буурал улбааг аваад үзье л дээ. Хүннүгийн үед ямар байсныг
мэдэхгүй. Эзэн Чингэс хааны үеэс хацар гоо хатдын эрх мэдэл хийгээд түүхэнд товойж
тодорсон зүйл зөндөөг хэн хүнгүй мэ­дэх юм. Алунгоо эхийн сур­гаалиас аваад Өүлэн
эх, Бөртэ Үжин, Сорхугтан хат­наар дамжин Мандухайгаар үргэлжлэх домогт бүсгүй­чүү­дийн
дотоод сэтгэлийн их хүч, шантаршгүй эр зориг, зөө­лөнд зөөлөн, хатууд хатуу хандаж
ирсэн ухаанд Мон­голын тусгаар тогтнолын үнэ цэн оршиж байсан гэхэд хэтийдсэн болохгүй
байх.

Үнэндээ Монголын ард түмэн шиг эхчүүдийнхээ хүнлэг
энэрэнгүй сэтгэлийг эрхэмлэн, үеийн үед охид бүсгүйчүүдээ хайрлан хүндэт­гэж ирсэн
улс орон Ази тивд бүү хэл дэлхийд ховор шиг санагдана. Ойроос нь Хятад, Солонгос,
Японоор жишээ авъя. Япон, солонгос харчууд охид бүсгүйчүүддээ нэг их хүндэтгэлтэй
хандаад бай­даггүй. Нэг л хүйтэн хөндий харилцаж байгаа харагддаг. “Гэрийн эзэн,
угсаа залгамж­лах хүү” гээд эрчүүдээ учиргүй магтаад өргөмжлөөд байд­гийг бид өнөө
олон сериа­лиудаас нь орой бүр үзэж байгаа. Хятадууд ч мөн ялгаа­гүй дээ, бас нэг
тиймэрхүү л инзааны байдалтай байдаг. Сүй тавьдаг учир, эх эцэгт нь сүйний мөнгө
гэж өгдөг боло­хоор гэр бүлийн нандин харил­цаа хийгээд хүндэтгэ­лийн зүйл нь бага
байдаг байх. Бараг л “Би чамайг худалдаад авчихсан” гэдэг утгаар харилцдаг байх.
Харин монголчууд бол өөр. Эмэгтэй хүнийг жинхэнэ эх хүн гэдэг утгаар нь дээдэлдэг.

Ер нь тэгээд зөвхөн монгол залуучууд л охид бүсгүйчүүдээ
дээдлээд, оюун ухаан хийгээд авьяас чадвар царай зүс, бие галбирыг нь бишрээд байгаа
ч юм биш ээ.

Дэлхийн бүх л орны эрчүүд монгол хүүхнүүдэд татагддаг.
Ухаандаа, Герман, Франц, Англи, Япон, Солон­гос, Хятадын харчууд манай бүсгүйчүүдтэй
гэр бүл болох гэж ёстой л амь тавин зүтгэцгээх нь түүний баталгаа нь болж өгч байгаа
юм. Мон­гол хүүхнүүдэд тийм нэг эрмэг зоримог чанар, нүдний гал дөл, авьяас чадвар,
амбийц, гэр бүлдээ хүндэтгэлтэй хан­дах гээд бидний мэдэх, эс мэдэх олон чанар хадгалагд­даг. 

Харин энд нэг юм хэлчи­хэд манай хамел жулдрай­хан
тэгээд архичин харчуудыг дэлхийн гоо бүсгүйчүүд огт­хон ч тоодоггүй л байхгүй юу.
Америк гэргийтэй, герман, франц, хятад гэргийтэй эрчүүд өнөөдөр хаана байна.  Тэгж нэг их дуулдаад бай­даггүй. Харин хуучин
хүрээ­ний харчууд  хятад хүүхнүү­дээс аваад,
орос, гуулин, пийлэн гэх зэрэг орны  сайхан
сайхан бүсгүйчүүдийг өөрийн болгож явсан түүх байдаг бололтой юм билээ. Их На­цаг­доржийн
“Хөөрхөн хэлтэй чамтайгаа, хөгжилдөн суух сайхан” гэх шүлгийн мөрүүд түүнийг гэрчилдэг.
Хятадаар шулганаад байх нь мань эрд хөөрхөн санагдаж байсан л даа. Гадаадад урлаг
соёлын боловсрол эзэмшсэн таван хэлтэй, тал дүүрэн адуу мал­тай  хүрээ гангачуул өнөөгийн хамел эрчүүдийн дэргэд
ширээ ат шиг харчуул байсан байгаа л даа. 
Одоо нэг ёсон­доо жинхэнэ Юндэн Гөөгөө­нүүд байж дээ гэх бодлыг төрүүлж цагаан
атаархал хөдөлгөх юм.

Эл бүгдийг Зүүн хойд Азийн эмэгтэй парламенчдын  чуулган Монголын төрийн түшээ хатагтай нарын санаа­чилгаар
болж буйтай  холбог­дуулж бичиж буйг та анзаарч
байгаа нь дамжиггүй. Бид дэлхий дахинд хэд хэдэн зүйлээр гайхуулах юмтай улс юм.
Тодруулбал, Монгол ард­чилсан улс гэдгээрээ дэлхий дахинд гайхагддаг. Манай төрийн
тэргүүнийг ардчиллын тугч гэж дэлхийн өндөр хөгжилтэй нөлөө бүхий улс орнуудын удирдлагууд
хү­лээн зөвшөөрч, олон улсын томоохон уулзалт, НҮБ-ын чуулган зэрэгт хүндэтгэн хү­лээн
авдаг. Түүний баталгаа нь Ардчилсан орнуудын хам­тын нийгэмлэгийн их хурал Монгол
Улсын нийслэлд өнгө­рөгч хавар болсон байх жишээний. Мөн Монгол Улс бол хүний эрхийг
эрхэмлэн дээдэлдэг гэдгээрээ дэлхийд гайхуулдаг. Одоо бол эмэг­тэй­чүүдийн эрхийг
машид хүндэтгэдгээрээ дэлхийд гай­хуулах хэрэгтэй болоод бай­на. Үүнийг саяын чуулган
гэрч­лээд өгч байгаа юм биш үү.

“Ямаан толгой ямбанд ордоггүй

Янтгар хатан зарга шүүдэггүй” гэж үг бий. Энэ
бол атаархаж үхэх гэсэн нэг муу доожоогүй эрийн зүгээр л  толгой холбоод  хэлсэн 
төдий үг юм. Нэг их ардын үгсээд байх ч юм байхгүй.  Ачир дээрээ зарга заалхай ч гэж юу байдгийг мэдэхгүй
нэг муу эрхийн тэнэгийг хойш нь түлхээд л өөрөө зарга шүүж эхлээ л дээ. Тэрэнд нь
атаар­хаж үхэх гэсэн юм л дээрх үгийг гаргаа. Ер нь тэгээд ардын үг гэж байдаггүй
байх шүү. Хэн нэгэн цэцэрхсэн нөхрийн толгой холбосон үгийг бусад нь цээжлээд л
тэр нь ардын гэх тодотголтой болчихдог юм шиг. Олны дунд яваад байдаг дээрх зуугуул
үгтэй холбогдуулаад хэлэхэд монголчууд бид авгай хүүх­нүүдээ хэзээнээсээ толгой
дээрээ гаргасан улс даа. Тэгээд буруудсан нь хаана байна. Хөдөөгийн эрчүүд наймаа
арилжаа хийх, нүү­дэл суудал  зэрэгт эхнэрүү­дийнхээ
л амыг харж байдаг. Ахуй амьдрал нь хэрхэн явж буйг эрчүүдэд анхаарах сөхөө гэж
байдаг болов уу. Монгол эрчүүдэд чинь архи уух гэж нэг их том, зав зай өгдөггүй
ажил байдаг юм. Түүнийгээ л амжуулж байна уу гэхээс ажил төрөл гэх юманд ухаан санаагаа
сатаа­руулах зав хэнд байхав дээ.

Гэргийнхээ л амыг харж бүхий л эрх мэдлээ түүнд
тушаасан байдаг даа. Оюутан хүүхдээ сургууль соёлд оруулах, төлбөр тооцоог нь тушаах,
цэрэгт яваад ирсэн нэгийг нь гэр бараатай болгох энэ бүгдэд эхчүүдийн нөлөө л тусч,
хүүхнүүдийн гар хөл хөдөлж байж ажил бүтдэг нь манайд  үнэндээ бичигдээгүй хууль болж дээ.

Хөдөө гэлтгүй төв суурин газарт ч хүүхнүүд л амьдра­лаа
залгуулж, ачааны хүн­дийг үүрч явна. Айл өрх бүрийг айлын дайтай авч яваа тэд улс
орныг яг л тэгж эмх цэгцтэй, хувирч хуйс­ганахгүй, хэлсэн үгэндээ эзэн болж авч
явах нь мэдээж. Ганцхан жишээ татахад, зо­хиолчид гэж золигийн хүмүү­сийг Удвал
гуайн ухаан л тэр олон жил залж ирсэн гэдэг. Ийм л нэг бүсгүй хүний ухаан, аливаад
голчтой нуруулаг чанар Монголын төрд хэзээ­нээсээ үгүйлэгдсээр ирсэн.

Яваандаа Монгол Улс эмэгтэй төрийн тэргүүнтэй,
эмэгтэй Ерөнхий сайд, Их хурлын даргатай болох байл­гүй дээ. Үүнийг манай саарал
ордонд өрнөсөн эмэгтэй пар­ламентчдын чуулга уулзалт бас л хэлээд өгөх шиг боллоо.
Бүсгүйчүүдийг сүүлийн үед ихэд амбийцтай болсон гэж ярих болсон. Амбийцтай байх
нь өнөө цагт их зөв зүйтэй алхам шиг харагддаг. Амжил­тад хүрэхийн гол тэмүүлэл
нь амбийц нь байлгүй . Эрчүүд бид амьдрал дээр ямар билээ дээ. Долоо хоногийн турш
бүрэн ажиллаж чаддаг билүү. Таван өдөр сайхан ажиллана. Ёстой л нэг чигээрээ зүтгэнэ.
“Үгүй ээ, мөн сайн ажиллаж байна шүү” гэж хэлэхтэй зэрэгцээд л архи уугаад алга
болно. Утсаар ярихад “Би ядарч туйлдатлаа хэдэн өдөр зүтгэлээ, ганц өдөр яагаад
амарч болдоггүй юм” гээд хэрэлдээд эхлэх нь хөөрхийлөлтэй. Хэдэн өдөр ажилласандаа
ялархаж бай­гаа нь тэр, үнэндээ бол ачаа­ны хүндийг үүрч сураагүй хэтэрхий нялгануур,
нялцгай байгаа нь л тэр байхгүй юу.

Тэгэхээр улс орон минь цаашдын хувь заяагаа бод­сон
ч, айл өрх бүр аз жаргал­тай, гэгээ гэрэлтэй сайн сай­хан амьдралаа бодсон ч “янтгар”
хатад минь зарга шүүж байсан нь дээр юм шиг байна аа.  Атаархуу нэг эрийн зүгээр нэг толгой холбоод хэлчихсэн
үг үеэ өнгөрөөсөн байна шүү.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Шаравын Сүрэнжав: Халх гол сумын зочид буудалд “Ерэн баатрын дууль”-аа бичиж билээ

Монгол Улсын ардын уран зохиолч,
төрийн шаг­налт Шаравын Сүрэн­жав­тай хөө­рөлд­сөн ярилцла­гын төгс­гөлийн хэсгийг
хүргэж байна.

-Та аавынхаа тухай нэг их ярьдаггүй
санагдана. Учир нь юунд юм бол?

-Аавыгаа ярьдаггүй гэдэг үнэн юм аа.
Ер нь би ижий аав хийгээд өөрийгөө нэг их яриад байдаггүй. Харин бусад хүмүүсийн
тухай утга зохиолын өмнөх үеийнхний авар­гууд, өөрийн үеийн нэр­тэй най­рагчдыг
үргэлж ярьж, уран бүтээ­лийг нь дуулсаар иржээ. Миний аав “жонжин” Шарав гэж хүн
бай­сан. Багад жанжин гэж ойлгоод цэргийн жанжин шиг лут эр гэж боддог байлаа. Гэтэл
жонжин юм билээ л дээ. Тэмээ шиг жон­жуулж явдаг хүн байж дээ. Миний өрөөл­дөж гишгээд
түргэн түргэн алхалж явдаг чинь аавтай холбоотой байх­гүй юу. Зургаан жилийн цэрэгт
татагдаад тэр чигээрээ салаад явчихсан юм билээ. Төв газар өөр хүнтэй нийлээд явчихсан
хэрэг.

-Тийм үү, хожим нь та аавтай­гаа
уулзаж байв уу?

-Намайг сургуульд орохын өмнөхөн аав
нэг ирсэн. Духан дээр минь үнсчихээд л яваад өгч билээ. Сүүлд би олон түмэнд танигдсан
найрагч болчихоод гэргийгээ дагуу­лаад аав дээрээ ёс төртэй очсон. Ээж дараа нь
Батцэнд гэж хүнтэй нийлсэн юм. Харин тухайн үеийн хүүхнүүд их жудагтай байж шүү.
Орхиод явсан хүнээр хүүг нь овог­лоно гэдэг монгол жудаг биз дээ. Би бол эмээ дээрээ,
бидний ав­гайлдгаар Нээм дээрээ өссөн галын бурхан нь юм. Манай­хан Авдарбаян, Үнээгийн
уул зэрэг дүнэгэр сайхан уулс, идэр есийн хүйтэнд хөлддөг­гүй дороосоо орги­лон
цан хүүрэг савсуулж байдаг Цан­тын голоор үе удмаараа нутаг­ласан айл. Үндсэн халх
хүмүүс л дээ. Харин хуучнаар Авдарбаян одоогийн Баян сумын нутагт Манлай ван Дамдинсүрэнг
дагаж ирсэн баргууд байдаг. Манай Дул­маа (яруу найрагч Шагдарын Дулмаа) барга гээд
байдаг нь тийм учиртай.       

-Батцэндийн Пүрэвсүх гэж төрийн
шагналт зураач байлаа. Таны төрсөн дүү дээ?

-Тэгэлгүй яахав. Эцэг өөр ч эх нэгтэй
улсууд. Алдарт “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын ерөнхий зураачаар
ажил­ласан хүн шүү дээ. Намайг бодоход архи дарс уудаггүй, хазгай буруу яваагүй
хүний дээд байлаа. Гэвч дүү минь богино насалсан. Наян най­ман онд миний бие “Ерэн
баатрын дууль”, “Багш” най­раг­лалаараа төрийн шагнал хүртээд, дараа жил нь Пүрэв­сүх
маань “Мандухай цэцэн хатан”-аараа төрийн шагнал хүртээд ах дүү хоёр жил дараа­лан
төрдөө үнсүүлж билээ. Хоёр хүүгээ төрийн шагнал жил дараалан хүртэ­хэд ижий минь
сэрүүн тунга­лаг байж чадаагүйд жаахан харамсдаг. Ах дүү хоёр гэс­нээс аав хүү хоёр
депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хуу­лийг батлалцаж байсан түүх бас бий. Миний
ганц хүү Да­ваа­сүрэн Сэлэнгийн Дулаан ханы модны үйлдвэрийн дар­га байхдаа тэндээс
сонгогдож байсан. Би чинь эхээс дөр­вүүлээ, манай Цэндээ мөн эхээс дөрвүүлээ, бид
хоёр нийлээд дөрвөн хүүхэд тө­рүүлсэн нь бас сонин тохиол санагддаг.   

-“Миний нутгийн бараа” гэж ардын
дуу шиг сайхан бүтээл бий. Жараад оны дундуур бичигдсэн байх шүү?

-Жаран дөрвөн онд бич­сэн юм. Манай
Баттөмөрийн аялгуу шүү дээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Дашдаваа­гийн Баттөмөртэй
миний бие хэдэн сайхан бүтээл хийсний нэг нь “Миний нутгийн бараа” л даа. Манай
Баттөмөр чинь Явуугийн “Туулын урсгал шөнө­дөө сайхан”, Долгорын Нямаагийн “Цэцэгт
цэнхэр алчуур” гээд  жар, далаад оны хит дуунуудын
эзэн. Нэг өдөр намайг цайны цагаар гэртээ дуудлаа. Яваад очтол хөгжим сонсгож байна.
Үндсэндээ хоёр дууны аялгуу биччихээд байж. Би бол хөгжим сонсоод хөг ордог хүн
биш юм аа. Бадраа гуай хөгжим сонсоод л шүлэг бичнэ. Аянд нь таа­руулаад биччихдэг
байсан. Баттөмөр маань хэлж байна. “Нэг нь нутгийн тухай дуу, нөгөө нь хайрын тухай
ритм­тэй дуу” гэж тодотголоо. Тэр даруйд л

“Газрын холоос цайвалзсан

Ганган цагаан гэрүүд байна аа

Ганцхан надад заяасан

Миний нутгийн бараа юу даа

Сүргийн бэлчээр чимэг­лэ­сэн

Сүйхэн цагаан гэрүүд байна аа

Сүүгээ өргөөд хоцорсон

Миний ээжийн өргөө юу даа…” гэх мөрүүд шууд л ороод ирлээ. Тэгтэл өнөөх чинь давраад
хайрын тухай дууны шүлгийг бас нэхээд болдоггүй ээ. Байн байн тө­гөл­дөр хуураа
дарж, хайрын аялгуу эгшиглүүлж ч байх шиг. Гэргий нь сайхан хоолоор дайлаад л. Манай
хүн бол төгөлдөр хуураа налаад суу­чихсан, надаас нэг зүйл гарна гэдгийг мэдээд
ч байх шиг. Тийм л ахуйд гэнэт л

“Намуухан үдэш гадаа налайж

Найрсагхан чи минь гараа өглөө

Уяранхан дуулмаар оройн тогтуунд

Уужимхан хорвоо онцгой сайхан

Цэнгэлтэй бүжгийн ганган алхаанд

Цэлмэгхэн харц минь хайраар гийлээ

Учиртайхан тусах ялдам мишээлд

Хүсэлтэйхэн зүрх минь янагшин даслаа…” гэх мөрүүд нэгэн амьсгалаар бичигдэж, Баттөмөрийн са­наанд
ч нийцэв бололтой. Ингэж л цайны цагаар хоёр дууны шүлэг биччихээд Дунд­говийн хөвүүн
хөгжмийн зо­хиолч­той ганц ганц хундага төгөлдөр хуурыг нь түшис­хийн тулгачихаад
ажил руу­гаа алхаж билээ. Уран бүтээл усны урсгал шиг долгилон төрж байсан цаг юм
даа. “Миний нутгийн бараа”-д ээж минь дуртай байсан. Ялан­гуяа “Сүүгээ өргөөд хоцорсон
миний ээжийн өргөө юу даа…” гэх мөрүүдийг нь нулим­саа арчиж байгаад л дуулдаг сан.
“Хүү минь намайг дуунд мөнхөллөө” гэж баярладаг байсан биз дээ, хөөрхий минь.

-“Ерэн баатрын дууль” найраглал
таныг ихэд алдар­шуулсан даа. Энгэрт тань төрийн шагналын тэм­дэг ч гялалзуул­сан?

-Хэлээд юүхэв. Жаран гурван оны есдүгээр
сарын 10-ны өглөө С.Удвал гуай, Ц.Цэдэнжав гуай, Умбаа буюу Ц.Уламбаяр гуай нартай
Зохиолч­дын хорооны өмнөөс Халх голыг зорьж байлаа. Удвал гуай “Эр бор харцага”-ыг
намуухнаар аялаад хөдөл­сөн тэрхүү зам мөр надад “Ерэн баат­рын дууль”-ийг өгсөн.
Олон сайхан эрсийг өвөртөө мөнх нойрсуулсан газар эх үг шивнэж, түүнийг би зүрхээрээ
сонсч бичсэн гэж боддог. Чогдон баатрын зас­таваар өнгөрө­хөд ухагдсан хонхрууд
олонтаа таарч, зоригт эрс минь хяруут намар, хайруу өвлийг энд хэвтэж өнгөрүүлсэн
дээ гэж бодог­дохуйд сэтгэл жирс гээд л явчихаж байгаа.

“Бусдын газраас сөөм ч авах­гүй, өөрийн
нутгаас төө ч өгөхгүй” гэсэн бичээс бүхий Яковлевын хөшөөний дэргэ­дээс Халх гол
туналзан хараг­даж, цаадах нь тэнгэр нь хөхөртсөн өнгөөр зэрэг­лээ­тэн үзэгдэж байлаа.
Халхын голын уснаас амсч магнайдаа адислаад, өндөр нарийхан улаан бургас шигүү ургасан
ерэн баат­рын дурсгалын хөшөөнд очсоны тэр орой бид Халх гол сумын зочид буудалд
ирж хоноглосон юм. Машинаас буугаад алхаж явахад оюун тархинд буусан онгодын хур
цалгичих гээд хэцүү байж билээ. Зөөлхөн зөөлхөн алхсаар зочид бууд­лын жижиг өрөөнд
ороод л туурвиж гарсан даа. Хажууд Умбаа гуай, Цэдэнжав хоёр уугаад, хоорон­доо
муудаад л. Тэгснээ тэврэлдээд л. Тийм л цаг дор би “Ерэн баатрын дууль”-аа гучин
минутын хуга­цаанд л бичсэн юм. Маргааш нь тус сумын багш сураг­чидтай уулзалт хийлээ.
Урьд шөнийн бүтээлээ нэг л уншмаар санагдаад, уншиж орхилоо доо. Хүмүүс байн байн
алга ташаад сүйд. Манай гурав баяр хүргээд Удвал гуай “Золтой л уйл­чихсангүй” гэж
үнэн зүрхнээ­сээ хэлсэн нь хамгийн том урам байсан.

-Тантай ийнхүү бүтээ­лүү­дийн тань
тухай ярина гэвэл бараг­дахгүй. Бүтээл бүхэн өөрийн түүхтэй, он цагтай байдаг. Харин
цагдаа тонгорч шуугиулж явсан үеийг тань дурсмаар байна?

-Залуу идэр цагийн алдаа оноог шүүж
яаж барах билээ дээ. Ёстой л нөгөө салхи шуурга шиг явж, цалги­лан долгилж байх
үедээ л эрдэ­нийн чулууд шиг бүтээлүүдээ туур­висан байх юм. Цагдаа тонгордог явдал
өнөө л ууж идэж явсантай холбоотой нь мэдээж. Яахав, ха­лам­цуухан тууж явахад нэг
цагдаа бариад авахгүй юу. Тэгээд намайг сэргийлэхийн газраа аваачна гэж чирлээ.
Тэгэнгүүт угийн омогтой шазруун хүн чинь мөрөн дээрээс атгаж аваад ташаалдаад тонгор­чих­лоо.
Өнөө цагдаа маань тархиар газар хатгаад яваад өгдөг юм аа. Байдал улам бишдээд явчихлаа,
төрийн цагдаа тонгорч шидсэн хэр­гээр баригдаж 200 төгрөгөөр торгууллаа. Бас зүгээр
бай­сангүй ээ. “Улсад түрүүлсэн бөх 500 төгрөгийн шагнал авдаг юм гэсэн. Надад тон­горуулсан
цагдаа 200 төгрө­гийн шагнал авдаг юм байжээ” гэж хэлээд зугтчихаж билээ. Мөн ч
манаргадаг байж дээ. Сүүлд тэр тухай манай Давааням (хүүхдийн зохиолч Данигайн Давааням)
бичсэн. Ёндонжамц гэж тэрхүү эргүү­лийн цагдаа Даваа­нямын найз байж ээ. “Танай
Сүрэн­жав ч дархан ташаатай лут эр байсан шүү. Туул рестораны шатан дээр намайг
тонго­роод, би үйлчлэгч хүүхнүү­дээс нь үхтлээ ичиж билээ” гэж ярьсан байдаг.

-Дархан ташаатай гэс­нээс та барилддаг
байсан уу?  
  

-Налайхын сургуулийн ес­дүгээр ангийн
сурагч байх­даа Майн нэгний баярын барилдаанд зодоглож Мяг­мар гэдэг залууг унагачих­лаа.
Тэгтэл “Эр бор харца­га” зэрэг олон сайхан роман бич­сэн, “Сарьдаг өндрийн оройгоор
сайхан яргуй урга­на, саахалт айлын хонь сархиа­гаа дагаад идээшилж байна” гээд
эхэлдэг дууны эзэн Загарын Сандагаа ирээд уурладаг юм. “Гүйх нохойд гүйхгүй нохой
саад гэгчээр спар­такиадад бэлдэж байгаа бөхийг маань унагачихлаа гээд. Тэгэхэд
намайг Завханы Идэрийн Лхагва арслан засаж байсан юм.

-Өнөө “урт гарт” Лхагва арс­лан
уу?

-Тийм ээ, шоронгоос гарч ирээд Налайхад
барилгын даамал хийж байсан үе. Тэр чинь 1950-иад оны дунд үе. Шляпан малгайтай,
дээд уруул дээрээ япон сахалтай, өндөр хөх хүн байсан. Лхагваа гуай зассаны хүч
юм уу даа, тэр Мягмар гэдгийг нь унагачихсан. Тэгэхээр би гэдэг хүн төрийн наадмын
түрүү хүртэж явсан “Урт гарт” Лхагва арслангаар засуул хийлгэн  бөхийн дэвжээнд зодоглож  байсан түүхтэй. Харин бөх болж чадаагүй. Түүнийгээ
нөхөх гэж “Гарьд магнай” хэмээх бөхийн тухай кино зохиол бичсэн. Алдарт Ший­тэрийн
зээрд, Наваанмөрийн Падын хүрэн, Сан­жаа­бүрэгийн цавьдар гээд төрийн түмэн эхүүдийн
тоо­сон дунд өссө­ний хувьд “Тод магнай”-гаа бичсэн. Наадмын тухай цуврал гурван
кино­ноос ялангуяа, “Гарьд маг­най”, “Тод магнай”-гаас хүмүүс одоо хэр нь уйддаггүйд
би баярладаг. Дэжидийн Хишигт, Жамъянгийн Бунтар нарын гавьяа шүү дээ. Мон­гол эмэгтэй
хүний нэр бол яагаад ч юм Удвал гэж санагдаад, “Гарьд магнай”-гийн гол дүрийнхээ
эмэг­тэйг би Удвал гэж нэрлэсэн. Тэгээд Бунтартаа “Дугуй цагаан царай­тай, жаахан
махлаг­дуухан, нүдээ­рээ инээсэн даруухан эмэгтэй байх ёстой шүү” гэж хэлсэн, яг
ёсоор нь Удвалын дүрийг сонгосон байдаг. Тэр тухайгаа би Удвал гуайд ч хэлж байлаа.
Их л баярлаж билээ.

-“Жараад оны яруу туульс” гэж ном
бичиж байгаа гэсэн. Их л сайхан бүтээл гарах нь мэдээж?

-Биднийг утга зохиолд ирж байх үе
буюу жараад он бол онцгой цаг байсан санагд­даг. Утга зохиолын аваргууд бүгд амьд
сэрүүн байж, уран бүтээлээ ид туур­виж байжээ. Дамдинсүрэн, Ринчен гуай хоёр зүүн,
баруун жигүүрийг магнайлан боссон аваргууд шиг, араас нь Явуу, Эрдэнэ, Цэдэндорж,
Түдэв, Гайтав, Пүрэвдорж, Ширчинсүрэн залган гарч ирж тэгээд л жараад оныхон гэгдэх
Бадарч, Пүрэвсүрэн, Дулмаа, Чойном, Шагдар­сүрэн гээд гарч ирж билээ. Тэднийхээ
тухай хөрөг туульс туурвиж байна. Тэр жил цэр­гийн ачааны “жаран гурав”-ын тэвшин
дээр Явуу, Эрдэ­нэ, Ширчинсүрэн, Бадраа, Лхамсүрэн, Цогт, Бадарч бид суугаад Дар­хадын
цэнхэр хотгор орж билээ. Алдарт Өлийн даваанаа гарч арван гурван овоог нь тойрон
шүлэг уншицгаагаад, манай Жамъян­жав (ардын жүжиг­чин, “Зэрэг нэмэхийн өмнө” кино
Дол­дой) дуурийн хоо­лойгоор дуугаа дуулж, нар­гиантайхан явсан даа. Тэгж явж байхдаа
Бадарч маань “Дархадын цэнхэр хотгор”-оо бичиж, бидэндээ уншаад, жолооч “шар” Найдангаа
уйлуулж явсан даа. Пүрэв­сүрэнгийнхээ тухай бас л том туульс бичихээр бодож сууна.
Бид хоёрт алдаж асгаж явсан өдөр сарууд олон. Ямар сайн­даа л Пүрэвсүрэнгийн тань­даг
айлаас арвын бидон гуйж аваад түүндээ дэлгүүрээс пиво авч дүүргэлээ. Голын хөвөөнд
очоод өнөөхөө уух гэтэл өвлийн хүйтэнд бидоны хөн­гөн цагаан таганд хэл наалдчихаад
болдоггүй. Ингээд манайд очин халааж уухаар болоод арвын бидон­тойгоо дамжлаад алхлаа.
Би ч гал түлж тогоо тавиад дор нь халаатал бүлээн ус бол­чихож байгаа юм чинь. Энэ
мэт гэгээн дурсамжууд би­дэнд зөндөө байна. Чой­номын тухайд бол ярилтгүй. Хүнд
хэцүү цагт бид хоёрын хэрхэн андалж явсныг хүмүүс мэднэ. Тэднийхээ тухай л “Жараад
оны яруу туульс” номоо бичиж байна даа.

Ийнхүү “Онгодын цагт би тэнгэрийн
харьяат” хэмээн омог төгөлдрөөр өөрийгөө тунхагла­сан авьяас билэгт найрагчтай хөөрөлдсөн
ярилц­лагаа өндөрлөж байна. Түүний “Би тэнгэрийн хүү” хэмээх сод туурвилын тухай
шинжлэх ухааны нэртэй эрдэм­тэн, түвдэч Лхамсүрэн­гийн Хүрэл­баатар агсан “Тэн­гэрийн
соёл ба тэнгэрийн зүүдний хүү” хэмээн машид нарийн гаргалгаа­тай ер бу­саар нээж
бичсэнийг ардын зохиолч “Урам хайрласан үгс” номынхоо эхэнд оруул­сан байдаг.

Цаг ямагт цалгилсан сэт­гэлээр
долгилон байдаг тэрээр наян нас руу дөтлөн яваа ч билэг авьяас нь бул­гийн ус шиг
ундарч буй нь үнэндээ бахтай. Түүний тухай Очирбатын Дашбалбар агсан “Тэнгэрээс  заяатай яруу найрагч”, “Дүрэлзэн бадрах галын
амьсгал” тэргүүт гурван цуврал хөрөг бичиж, оюун санааны оргил Лодонгийн Түдэв гуайгаас
аваад бүхий л аваргууд цагт ямагт халуун сэтгэлээр хандаж, бүтээл туурвилаа дээжлэн
барьж ирсэн нь Шаравын Сүрэнжав хэмээх уянга-ухааны оргилыг улам өндөрсгөдөг билээ
л.

Н.ГАНТУЛГА          

Categories
редакцийн-нийтлэл

Шаравын Сүрэнжав: Явууд загнуулчихаад “Дахиад шүлэг бичихгүй” гэж өөртөө тангараг тавьж байсан сан

Монгол Улсын ар­дын уран зохиолч,
тө­рийн шаг­налт Шара­вын Сүрэнжав­тай хөө­рөлдсөн ярилц­ла­гын­хаа үргэлжлэлийг
хүргэж байна.

-Өмнөх ярилцлага­даа Чимид, Эрдэнэ,
Ван­ганы тухай ярьсан. Энэ удаад мөн л
авар­гуудын талаар асуу­маар байна. Бямбын Ринчен гуайтай та хэр ойр байсан бэ?

-Тавин нэгэн онд Ав­дар­баяны бага сургуу­лийг төг­сөөд нэг жил
хөдөө гарч мал малласан юм. Гэвч сургууль соёлын мөр хөөх тухай бодол өдрөөс өдөрт
лавширч, тархи толгойд хүндрээд болдоггүй. Эрдмийн зүг тэмүүлэх сэтгэ­лийн жи­гүүрийг
Авдарбаяны уулс, Цантын голд ургуулж өгсөн хүн бол Бямбын Ринчен гуай.

Түүний туурви­сан “Үүрийн туяа” роман
намайг адууны бэлчээрт ява­хад хэвлэгдэж, “Цог” сэтгүүлд “Тарас Бульба” туужийн
орчуулга цувралаар нийтлэг­дэн дугаараас дугаарыг шим­тэн хүлээхэд хүргэж байлаа.
Би гэдэг хүн “Үүрийн туяа” романд өөрийн эрхгүй сэтгэл татагдан, айл айлд уригдан
очиж ярьсаар сүүлдээ Ринчен багшийн үг найруулга ой тоонд хоногшиж, нэрийг нь харалгүйгээр
түүний бичсэн зүйлийг хэвлэлээс ялган тань­даг болсон. Ингээд малчны хүү би тавин
найман онд Монгол Улсын их сургуулийн босгыг догдлон алхсаны сүүл­чээр эчнээ танил
болсон эрдэмтэн зохиолчтойгоо нүүр учрах завшаан тохиосон доо.

-Их эрдэмтэнтэй уул­заж, үг яриаг
нь сонсч явсан дурдатгалуудаасаа хуваалцахгүй юу?

-Жаран нэгэн оны гурав­дугаар сарын
зургааны үдэш Их сургуулийн 170 дугаар өрөөнд Ринчен гуайтай уул­залт хийснийг мартдаггүй.
Дорно дахины хүн гэдгээ илтгэсэн хөх өмд, хүрэн тэр­мэн дээл дээр мөнгөн арал­тай
бүс бүсэлчихсэн нь сонин сайхан харагдаж билээ. Мөрөө шүргэсэн буурал үс, дээд уруул
дээрээ хоёр тийш сэрвийлгэсэн сахал тэргүүтэн нь овор оруулсан болохоос уг нь ануухан
хүн байв. Царайд нь үрчлээ ховор, духаараа ширтэн духайж, толгойгоо үл ялиг сэжисхийн
ярихад нь бид бүгдээ ам ангайн сонсч бай­сан даа. Ринчен багшийн лекцэнд олонтаа
сууж, Зохиолч­дын хороонд болон гэрээр нь хааяа учралдан ярьж явсан туульс сэтгэлд
долгилдог юм. Нэгэн өдөр шар торгон дээлээ намируул­саар Зохиолчдын хороогоор ороод
ирэв. Бие багавтар хийгээд билбүүрдэж гүйхдээ шаламгай нэгэн Ринчен баг­шийн өөдөөс
гүйж очоод тол­гой дээрх дугуй малгайных нь оройны товч унасны ормоор буурал үс
нь цухуйж буйг ширтэн “Ринчен гуай таны наад толгой дээрх чинь мал­гай юм уу, юу
юм” гэхэд, Миний энэ ч эрдэмтний гэгээн тэр­гүүн дээр тавиастай юм боло­хоо­роо
малгай нь чиг малгай л даа. Харин таны наад ган­ган бүрхний доорх чинь толгой юм
уу, юу юм бэ гэж билээ. Мань хүний сэтгэх аяс нь циркийн шидэх банзны ойлт шиг бодох
завгүй тэр дор нь хариу өгдгөөрөө гайхал­тай. Улаанбаатар зочид буу­далд М.Цэдэндорж
бид гурав дотносон ярилцсан хормыг мөн л сайн санаж байна.

-Тийм үү, түүнээ тодот­гооч?

-Зөвлөлтийн монголч эрдэм­тэн Клара
Якоповская авгайг хүлээх зуур бид гурав энэ тэрхэнийг ярьж билээ. Ринчен гуай сахлаа
имэрс­хийн “Би нэг айхтар юмтай учирч билээ” гээд цааш ярь­сан нь “Ерөнхий сайд
асан Амар гуайг сахал багшид (Сталинг хэлж байна) бараал­­хахад би хэлмэрчээр дагаж
Москвад очсон юм. Амар гуай Сталинтай уулза­хын өмнө ихэд сүсэлж хадаг бэлтгэж ёс
төрийг дээдэлж байлаа. Төрийн өргөөнд нь очоод сахалтад яг бараалхах үед тэднийхэн
өөрсдөө орчуул­на гээд намайг үүдэнд үлдээлээ. Ороод зөндөө удлаа. Тэгж тэгж гарч
ирэхдээ Амар гуай үхсэн хүн шиг үнсэн хөх царайтай болчих­сон “За ёстой амьдын хар
нүгэлд ганц мөсөн уналаа даа. Гучин мянган хүний тол­гой залгих хэрэгт тулгагдлаа”
гэж гутран цухалдаж байсан сан. Сталинд ч нэгмөсөн сүжиг нь буурсан юм даг” гэж
тамхиа асаан ойр ойрхон сорж бодлогошрон байж билээ. Ринчен багшийг таа­лал төгссөн
тэр хавар нэг л гунигаар дүүрсэн, элгэн цаа­на үүлс бараагнасан сонин цаг улирал
өнгөрч билээ.

-Одоо Явуугийн тухай яриач. Жараад
оны “унага”-нууд болох Бадарч, Пүрэв­сүрэн, Дулмаа, Шагдасүрэн, хоёр Шагдар та бүхэн
Явууг багшаа гэж ихэд дотносдог доо?

-Түүний яруу найраг нь түүний шавь
нарыг төрүүлсэн юм. Жараад оны бид нар эсэн мэнд байгаа цагт Явуу бидэн­тэй хамт
Монголын утга зохиолд мөнх оршиж буй. Тэрээр яруу найрагт үнэндээ шинэчлэл хийсэн
хүн. Үг өөрийн өнгө гэрэлтэй, хөг аялгуутай байдгийг чухамхүү тэр л бидэнд хэлсэн.
Шүлэг найргаар ид өвчилж явах үедээ Явууд бут ниргүүлэн “дахиад шүлэг бичихгүй”
гэж өөртөө андгай тангараг өргөж явсан өдрүүд надад бий. Яруу найргийн зөвлөлийн
дэргэдэх нэгдлээр залуучуу­дын шүлэг зохиолыг хэлэлц­дэг байлаа. Миний шүлгүүд бусдаас
арай л өөр мэт санаг­даад, өөртөө их итгэлтэй байх үед “Чамд зүрхний үг хэрэгтэй
байна.Уянгын хөг аяс дут­маг…” гэж баахан шүүмжлээд хэлэх үггүй болгосон сон.
Шүлэг бичихгүй гэж байсан хүн чинь долоо хоноод тэсгэл­гүй үзэг цаасаа шүүрч билээ.
Явууд донгодуулсны дараахь шүлгүүд нэг л өөр болоод, өмнөхүүдээ уншиж үзэн ихэд
голж байлаа. Тэгээд нэгэн багц шүлгүүд өвөртлөн Явуу багшийн гэрийн босгыг зоримогхон
алхаж “Би чамаас ийм л юм хүсээд бай­лаа” хэмээн талимаарсан нүдээр хэлэхэд нь сэтгэлд
баяр төрж билээ. Далан хоёр онд “Нутгийн цэнхэр уулс” номоороо Монголын зохиолч­дын
эвлэлийн шаг­нал хүртэхэд Явуу багш манайд хэд хоног тухалж Цэндээгээр хоол хийлгэн,
ганц нэг юмны бөглөө мултал­сан шигээ сэтгэлийнхээ үгийг ярилцаж байсан даа.  Намайг Горькийд суралцаж байхад захидал явуулж
түүндээ “Лхамсүрэн, Гайтав, Чимид нарыг үгүйлж буйгаа дурдаад Чехэд суугаа дүү Амартаа
хэдэн хайрцаг тамхи явуу­лах”-ыг аминчлан захисан байв. Наян нэгэн оны хавар нарлаг
Казахстаны нийслэл Алма-Атад хамт зорчиж, Ала-Тоо уулын үүл манан хуралд­сан алаг
хөх оргилуудыг сэтгэл хөдлөн харж явсан сан.

-Өнгөрөхийнх нь өмнөх жил байж
шүү?

-Тийм юм. Бидний сүүл­чийн аялал байсныг
тэр үед даанчиг бодоогүй явж билээ. Агаарын хөлгийн гэгээвчээр харахад Балхаш нуур
тэртээ дор цэнхэртэнэ. Балхаш нуурын тухай багадаа уншиж байсан шүлгийн мөрүүд санаанд
орж түүнээ өгүүлэ­хэд Явуу багш урд талын суудлаас эргэн харж зөөлхөн инээмсэглээд
“Багын юм санаа­наас гардаггүй юм. Би аавынхаа авласан ангаа ганза­галаад ирж байсан
дүр зургийг ер мартдаггүй. Тэгээд морио амгайвчлан услахад савируулсан дуслаас нь
цагираган хээ татуулан түүн дотор аавын минь залуухан дүр төрх далбилзан хараг­даж
байсан нь бодол оюунд тодхон байна. Тэр тухайд шүлэг зохиолдоо ч оруулсан даа” гэв.
Тэгээд намайг нут­гаа­раа хамт очихыг хүсэм­жилж байлаа. Явуу багшийг бие барсны
хойтон жил төр­сөн нутагт нь очиж, цаст гэгээн Отгонтэнгэрийн тэргүүн оргил өөд
хараа бэлчээн зогсохдоо Явуугаар ямар их дутаж, түү­нийг үгүйлэн гансарч “Цаст цагаан
уулыг эзэгнэнхэн төр­лөө, би” гэх гайхамшигт найр­гийг нь уншин нүдэндээ нулимс­тай
явсан даа. Дараа­хан нь би Хар далайд амрах­даа мөн л тэсэхүйеэ бэрхээр санан шөнө
дүлээр босч “Алаг дэлхийд төрсөн минь учир­тай” хэмээх хөрөг тэмдэглэл бичээд санаа
жаахан ч гэсэн уужирч байв. Явуу бол үнэн­дээ ер бусын хүн байсан. Халх Монголыг
даасан Очир­ваани бурханы дүрээр мөн­хөр­сөн уул Отгонтэнгэр хайр­хан Монголын яруу
найрагт нэгэн хүү өгсөн нь Явуухулан юм даа. Түүнтэй ойр дотно явсан минь яасан
их хувь заяа вэ. Явуугийн надад үлдээсэн ширэн гэртэй гоёлын хутга, дотуур хантааз,
тэхийн дүрс бүхий бариултай үнсний сав зэргийг нандигнан хадгалдаг юм аа.

-Цэгмидийн Гайтав гуайн тухай бас
асуулгүй өнгөрч болохгүй нь…?

-Гайтавыг надтай Дор­жийн Гомбожав
танилцуулж билээ. Тэрээр хэлэхдээ “Энэ нөхөр хүн нь алт шиг сайн хүн байгаа юм.
Даанч буруу замаар явчихсан” гэж байсан. Буруу замаар гэдэг нь нөгөө намын шүлэг
голчлон бичдэ­гийг нь хэлснийг хожим ухаар­сан даа. Хүний хувьд бол нээрээ л одоо
болтол түүнийг муулж хэлж байгааг нь би лав сонссонгүй. Хүнээс мөнгө зээлбэл яг
л хэлсэн цагтаа өгдөг, худлаа хэлдэггүй, дээш доош нь бичиг цаас шиддэг­гүй, тушаал
хэргэм хөөцөлд­дөг­гүй, долгинож шарвахыг тэвчдэггүй, нүднээс далд муу хэлдэггүй,
нүүрэн дээр нь шүлэг зохиодог зарчим, намч хүн байжээ. Тэр ямар ч согтуу байсан
айлд хонодоггүй байлаа. Жаран хэдэн оны зун Хүрхрээгийн зусланд бид наргиад шөнө
дунд өнгөрч ор дэр засуулсан байтал Гайтав заавал харина гэж зүтгээд Бадарч бид
хоёр үглэж дуулж байж Баянзүрхийн гүүр гаргасан. Харанхуйд сондуул дундуур бүдчүүлэн
явж хот орох машинд суулгаж өгсөн юм даг. Түүнийг намын шүлэгч энээ тэрээ гэж “ухаант­нууд”
цоллох гээд байдаг. Би л хувьдаа зүрхний хөг чавхда­сыг хөндсөн, ард түмний цэцэн
цэлмэг авьяасыг шин­гээ­сэн яруу сэтгэлийн уянгыг ухааны номлолоос дорд үзэ­хийг
зөвшөөрөхгүй ээ. Гайтав бөхөөр зүйрлэвэл тавиад оны дундаас сүүл үе хүртэл дэвжээн
дээрээ босоо байсан шиг санагддаг. Түүнд цагийг эзэгнэн дийлдэшгүй явсан үе бий.
Ямар сайндаа Эрдэнэ­батын Оюун “Миний үеийн цогт яруу найрагч” гэж түүнийг бахдан
бичиж байхав дээ.

-Ингээд л өмнөх үеийнх­нийхээ тухай,
Монголын утга зохиолын домог бол­сон хүмүүсийн талаар танаар яриулахад амттай байна.
Донровын Намдаг гуайтай та бас л наана цаана явсан даа?

-“Амьдрал судлах гэдэг зохиолчид гол
зүйл. Амьдрал бол мөнхийн багш. Амьдра­лаас юм авна гэдэг авьяастай холбоотой. Авьяас
гэдэг бол эмзэглэл” гэж Намдаг гуай онцлон хэлдэг сэн. Нэг удаа өмнөх ширээгээ гараараа
алгадаад “Муу зохиол бичсэ­нээс бичээгүй нь дээр. Хүн өөрийнхөө дотрыг гадагш нь
дэлгээд харуулж буй хэрэг. Би ийм л хэмжээний хүн гэдгээ үзүүлж байгаа явдал. Тэгж
өөрийнхөө мууг амьтанд дэлгэж харуулахын хэрэг байна уу даа” гэж нухацтай өгүүлсэн
билээ. Далан оны өвлөөр Намдаг гуайтай Дундговь аймагт “Уран үгсийн чуулган”-аар
цуг явж байхдаа хээр хөдөө машинаас буун хоёулахнаа цастай талаар агаарт сэлгүүхэн
алхаж явах­даа нэгэн зүйлийг аминчлан асуусан юм. Тэр нь өнөөх архины тухай л даа.
“Нацаг­дорж архинаас болсон гэлц­дэг. Таны үед одоо шиг намын хурлаар оруулна гэж
байгаагүй. Шөнийн хэдэн цагт ч тогшсон хужаагийн цонх бэлэн архи өгдөг байсан цаг.
Та энэ бүхний хаагуур нь өнгөрсөн хэрэг вэ” гэхэд хэсэг дуугүй бодлогошрон алхса­наа
дуугаа өндөрсгөн толгой­гоо цогнолзуулаад “Тэгэхээр болбол ийм юм. Хэрвээ би архи
уувал миний дайснууд баярлана. Ухаантай хүн болбол дайснаа баярлуулъя гэж боддоггүй
юм” гэв. Тийм л бодлын чагт тавьж өөрийгөө захирахын эрдмийг үзүүлсэн хүн билээ.
Энэ хүний үг миний нэг насны турш мар­тагд­сангүй. Ухаантны үг тийнхүү мэргэн тарни
лугаа хүний амьдралд тус хүргэдэг байна. Би уг нь Намдаг гуайд хадаг барьж шавь
орсон ч түүнээ нэг их ярьдаггүй дээ.

-Яагаад?

-“Дуулалт жүжиг зохиоход чинь тустай
байж магад” гэж хэлүүлсний учир би гэрт нь очсон юм. Энэ тухай Х.Занд­раа­байды
“Заяа дутсан бурхад” номондоо халуунаар дурссан нь бий. Багаасаа зохиол бүтээлийг
нь уншиж биширсний хувьд сэтгэлээрээ эрт шавь орсон гэж болно. Тэгэхдээ би мөн л
Зандраа­байдыгийн адил багш гэж хэлж заншаагүй юм. Далан найман онд Өвөрхангай аймагт
“Уран үгсийн чуулган” болж Намдаг гуай бид хоёр нэг гэрт хамт хоноглосон юм. Тэгэхэд
би түүнээс бас нэг сонирхсон зүйлээ асуугаад амжиж билээ. “Та шоронгоос яаж гарснаа
ярьж өгөөч. Гар­сан даруйдаа ямар санагдаж байв. Орох айл уулзах хүн хэр олдож байсан
бэ” гэхүйд “Би арван жил аваад зургаан жил, найман сар, хорин гурав хоносон юм.
Шоронгоос гаруут шууд яваад очих газар байдаггүй. Гурван хүүхэдтэй эхнэр минь байсан
хэдий ч сүүлдээ тэсвэр нь барагдаад хүнтэй болсон хэрэг. Шөнө дүл болтол ногоон
дээр жаал суулаа. Салхи сэвэлзэж, тэнгэрт од мичид гялтганан, хаа нэгтээ ноход хуцаад
нэг л чөлөөтэй. Сэтгэл ч уужрах шиг. Ямар ч гэсэн эндээс холддог хэрэг гэж бодоод
хэд алхлаа. Эргэж харахад шоронд үлдсэн нөхөд минь зовж байгаа нь нүднээ тод­ров.
Шаравдоогийнд л ордог юм билүү дээ гэж бодогдож байлаа. Театрын ажилчдын байр Хэвлэх
үйлдвэрийн тэнд байсан юм. Айл амьтан унт­чих­сан байдаг. Тэгтэл ашгүй нэг айл гэрэлтэй
байхаар нь хаалгыг нь таттал үүдэнд нь байсан хүн цочихдоо огло харайн хоймортоо
гарч бай­сан. Аргагүй шүү дээ, улс төрийн хэрэгтэн орон шорон­гоос гарсан хүн шөнөөр
гэнэт ороод ирэхээр…” гэж ярьж байсан даа. Намдаг гуай амьдралын булингарт урсга­лыг
тэгж л сөрж орчлонгийн сайн мууг үзэж ухаажсан хүн байв. Миний бие хэсэгхэн хугацаанд
Явуугийн оронд зөвлөлийн эрхлэгч хийж байх­даа “Намдаг зохиолч “Цаг төрийн үймээн”
рома­наа­раа төрийн шагнал хүрт­жээ. Харин жүжгийн зохиол­чийн хувьд юмгүй байна”
хэмээн Цэдэвт хэлж “Ээдрээ”, “Оролмаа” жүжгүүдийг нь шагналд дэвшүүлэн Соёлын яам
ч дэмжсэн юм. Ингэж Намдаг гуай сэрүүн тунгалаг­таа төрийн шагналыг хоёр дахь удаагаа
өөрийн ууган шавь Дэмбээгийн Мягмарын хамт хүртэж магнай тэнийсэн билээ.

Н.ГАНТУЛГА

 

Categories
редакцийн-нийтлэл

Шаравын Сүрэнжав: Сэтгэл будангуйрах үедээ Сэнгийн Эрдэнээг уншдаг, би

Гэргийн хамт

Монгол Улсын ар­дын уран зохиолч,
тө­рийн шагналт Ша­равын Сүрэнжав гуайнд хүрч очлоо. Гэргийтэй­гээ хоёул байж байна.
“Сэтгэл будангуйрах үедээ Сэнгийн Эрдэ­нээг уншдаг, би. Ер нь тэгээд Эрдэнэ, Түдэв
хоёрын зохиол надад ойр юм” хэмээсээр угт­сан. Залгуулаад “Хүр­гэн маань энэ хөөр­гийг
надад дурсгаад” гэж гартаам хөөргөөр тамхилангаа, “Адууны мах иднэ биз дээ. Манай
Төв аймгийн Засаг дар­га байсан Энхбат на­дад адуу өгөөд. Түүнийг нь очиж авлаа.
Цэндээ намайг адууны махны шөлөнд оруулдаг юм, ядаргаа тайлдаг юм гэсэн”. Ийм л
ая дан­тай бид хоёрын яриа эхэллээ.  

-Та бол “Насны ном Цэнд, насны
хань Цэнд” гэж хэлдэг хүн. Тантай уран бүтээлийн талаар зөндөө ярилцаж байлаа. Эл
удаагийн яриагаа гэргийтэйгээ хэрхэн танилцсанаар эхэлбэл ямар вэ?

-Хүн амын техни­кумын оюутан Цэндтэй ойртож дотноссон минь
1959 он юм. Тэгэхэд би Монгол Улсын их сур­гуулийн оюутан байлаа. Эхний хагас жилийн
шал­галтаа онц өгчихсөн додь­горхон нөхөр өөрөөсөө хэдэн насаар дүү охиныг болзоонд
урьчихлаа. Цэнд ч татгалзсангүй. Тэгээд одоогийн Төрийн ордны өмнөх талбайн сааданд
анх болзож билээ. Цэндээ шар торгон дээлтэй охин зогсож бай­сан сан.

Намайг харсан хэрнээ огт хараагүй
юм шиг, таньсан хэрнээ таниагүй юм шиг хажуу­­гаар зөрж өнгөрөөд л. Одоо бодох нь
ээ, сэтгэлтэй болсных нь шинж юм уу даа. Манай зохиолч найрагчид дурлалт бүсгүйчүүддээ
зориулж нэрнийх нь үсгийн дарааллаар шүлэг бичдэг жишгийг би тогтоочихсон байх шүү.

-“Нэрээр бичсэн шүлэг” анхны номонд
тань орсон байх шүү?

-Ханьдаа зориулж нэр­нийх нь үсгээр
бичсэн шүлгээ жаран хоёр онд хэвлэгдсэн “Шөнө ургасан цэцэг” номон­доо оруулж байлаа.

“Цээлхэн дуугий чинь хөгжим гэвэл

Эгшгэнд нь уярсан нь би билээ

Найртай сэтгэлийг чинь нар гэвэл

Дулаацаж жаргасан нь би билээ

Эрэвгэр нүдийг чинь цэцэг гэвэл

Эргэлдэх эрвээхэй нь би билээ” гэсэн шүлэг л дээ. Тэртээ жараад онд бичсэн шүлгийг минь
саяхан гавьяат тээвэрчин, инженер С.Иш­бал­­­жир орос руу хөр­вүүлс­нийг ханьдаа
зориул­сан номын­хоо эхэнд оруул­сан. Жараад онд бичсэн шүлэг гэснээс жаран он миний
хувь амьдралд өлзий билгээ өгсөн жил. Зун нь би Увс аймаг руу Намын төв хорооны
үзэл суртлын брига­дад одоогийн ардын багш Бавуугийн Цэ­рэн­доржтой хамт явах бол­лоо.
Хоёр сарын томилолтын зардал гэж 1600 төгрөг өгдөг юм. Тухайн үеийн 1600 төгрөг
гэдэг их мөнгө л дөө. Түүнээс гэргийдээ цаг авч бэлэглээд, хоёул ижил өнгийн даалим­баар
дээл хийлгэж байснаа мартдаггүй. Намар нь том охин Хишигсүрэн төрж Цэнд бид хоёр
ижий аав болоод хөөр баярт умбасан. Яг тэр үед радиогийн уралдаанд шог өгүүллэг
маань түрүүлж түүний шагнал болох цөөнгүй хэдэн төгрөгийг Доржийн Гом­­божав “МОНЦАМЭ”-гээс
олж өгч түүгээр том охиныхоо угаалгыг хийж байсан түүхтэй.

Манай Цоодол ч анхны бүтээл “Нутгийн
зургаан өнгө”-ийнхөө шагналаар дунд охин Хулангаа угааж байсан гэдэг. Уран зохиолын
буян тэгж л эхэлдэг юм даа.

-Сэтгэл будангуйрах үедээ Сэнгийн
Эрдэнээг уншдаг гэж хэллээ. Ингэ­хэд Эрдэнэ баавайтай ойр дотно явсан он жилүүдээ
дурсаач?

-Монголын уран зохиолд хувь заяагаар
төрсөн хүн бол Сэрүүн Галттай нутгаа сэтгэл сэнсэртэл санадаг Сэнгийн Эрдэнэ юм.
Чухамхүү сэтгэл будангуйрах цагтаа л гэгээн дүрийг нь дуудан ирүүлж, гэрэлт уянгын
мөрүүдийг нь уншиж зүрхээ баясгадаг билээ. Эрдэнэ, Чимид, Буриа­дын нэрт зохиолч
Дашрав­дан Батожабой нартай жаран таван онд Баян-Өлгий аймаг руу хамт явж саданс­сан
билээ. Эрдэнэ тэрхүү аян замаас ирээд “Алтай” хэмээх алдарт нийтлэлээ бичиж бид­нийг
бахдуулсан юм.  “Алтайн оргилд дун цагаан
салхи салхилж байхад, наахнуур нь хар салхи, улмаар Ховд голын намиатсан шугуйд
шар салхи тэнүүчлэн” буйг өнгө­ний яруу мэдрэмжээр гаргаж, өөрийг нь Александр Блок
лугаа зүйрлэх сэтгэгдлийг төрүүлсэн дээ. Жаран есөн оны наадмын өмнөхөн Мон­го­лын
соёл урлагийн өдрүүд Узбект зохиогдох болж ба­гийн бүрэлдэхүүнийг Намын төв хорооны
улс төрийн тов­чооны гишүүн, Сайд нарын зөвлөлийн нэг­дүгээр орлогч дарга Д.Майдар
толгойло­хоор бол­лоо. Нэрт уртын дуучин Н.Норов­банзад, уран нуга­раач зууны манлай
Но­ров­­сам­­буу, төрийн шагналт хөгж­мийн зохиолч Ц.Намс­рай­жав, ардын жүжигчин
Д.Жар­гал­сайхан гээд урлаг соёлын том бүрэлдэхүүн явлаа. Сосор­барам, Лувсан­чүл­тэм
гээд дарга, сайдууд явсан ч Майдарын дэргэд үнэндээ жижиг амьтад байв. 

-Зохиолчдоос С.Эрдэнэ баа­вай та
хоёр явсан хэрэг үү?

-Тэгсэн. Бид хоёрт хамт явах завшаан
тэгж тохиодог юм. Явуу, Цэдэндорж хоёр онгоцны буудлаас халам­цуу­хан үдэж өглөө.
Эрхүүд түр буулт хийх үед Эрдэнэ хамт явсан хүмүүсийг дайлан дарс ууж, миний пиджаакны
арын халаасанд замд ууна хэмээн мөнгөлөг цагаан толгойтой оргилуун дарс хийсэн нь
халаа­­сыг цоолон цухуйгаад амьтныг инээлгэж байхав.  Онгоц яг нисэх болтол бид хоё­рын гадаад паспорт
олд­дог­­гүй багагүй сандаргалаа. Тэг­тэл ашгүй Эрдэнийн гар цүнх­­­нээс олдов.
Майдар дар­га урд талын суудлаас өн­дийж “Хэн онгоц саатуулаад байна аа” гэж зандрангуй
дуугардаг юм. Энэ үед Эрдэ­нэ дув дуугүй сууж байв. Онгоц нисч өндрөө авах үед Эрдэнэ
жүжигчдийн арын суудлаас гэнэт босч ирээд “Тэр Майдар юу юм” гэж чанга хашгирснаа
буцаад нугдай­гаад нуугдах маягтай суучи­хав. Эрдэнийн тэгж хашгир­сан нь олон хүний
зүр­хийг хагалчих шахаж би­лээ. Согтуу хүн сохор ухаан­тай гэгчээр онгоц өндрөө
авсан үед “хэрэг” тарихаа мэдэж байхгүй юу цаад чинь. Сүүлд нэр цол олсон хойноо
баавай­тайгаа Америк руу дөрөө харшин Потомак мөр­ний гүүрэн дээгүүр үдшийн сэрүүнд
хамт алхан, улмаар Вашингтоноос Нью-Йорк хүр­тэл засмалаар давхин

“Нарны наагуур явахгүй л аад

Нарийнхан жороогийн хэрэг юув

Насандаа намхандаа ханьсахгүй л
аад

Наадуулж явахын хэрэг юув” гэж буриадаар дуулал­дан жаргаж явсан. Сүүлд нурсан худалдааны
хоёр өндрийн нэгнийх нь гурван давхраас Цэрэндэжид, Цэн­дээ нартаа гоёлын нүдний
шил авч, Бродвейн шөнийн солонгон гудамжаар далан найман настай элчин дипло­мат
Д.Жаргалсайхан гуай­гаар газарчлуулан тэнэж явлаа. Тэрээр өнгөрөхийнхөө өм­нөхөн
“Монголын уран зохиолын алтан үеийн алдарт­­нуудын нэг Шаравын Сүрэнжавт дурсгав”
гэж “Тэн­гэ­рийн хөвүүний эцэслэл, Хар хун шувуу” номондоо бичиж өгснийг мартамгүй
ээ. Саяхан арван боть нь хэвлэг­дэж, Бат-Үүлийн охин авчирч өгсөн. Эрдэнэ баавайтайгаа
явсан он жилүүдээ энэ мэт дурсана гэвэл зузаан гэгч боть болох нь мэдээж дээ.

-Олон хүний тухай зузаан зузаан
ботиуд бичнэ дээ. Гол учир нь та өнөөдөр утга зохиолын амьд домог болжээ. Хэн бугай
ч маргах­гүй байх. Чимид гуайн тухай асуумаар байна, таны хөрөг нийтлэл ч бий?

-Далан есөн оны хоёр­дугаар сарын
нэгэн жихүүв­тэр шөнө билээ. Хэдэнтээ үргэлжилсэн үүд тогшилт на­майг сэрээлээ.
Гэрэл асааж цагаа харвал өглөөний дөр­вөн цаг хагас. “Өдийд хэн ирдэг билээ” гээд
гайхашир­сан янзтай үүдээ тайлтал Чимид зогсч байна. Чими­дийн ирсэн сургаар эхнэр,
том охин хоёр ч ухасхийн бослоо. Түүний зовхи нь бүлцийн нүүрэнд нь хөхөлбөр өнгө
тодорч хоолой нь сөөнгөдүү байгааг ажихад мань хүнд юуны түрүүнд “зуу” хэрэгтэй
байгааг би мэдэрч байв. “Цай яахав, цай яахав” гээд түшлэг­тэй зөөлөн сандал дээр
ядран­­гуйхэн налж суусан нь одоо ч нүдэнд үзэгддэг. Эх­нэр, охин хоёрынхоо чөлөө­­гөөр
би түүнд “татах уу” гэхэд “Ашгүй чамд байгаа юм уу” гээд биеэ тэгшилж байсан сан.
Түүнээс хойш нэг жилийн дараа аугаа их Чимид энэ хорвоогоос буцсан юм даа. “Чимидийн
бие тун тааруу байна” гэх яаралтай цахил­гаа­ныг Цэдэв, Явуу нарын хамт Москвад
хүлээж авсан наян оны бүүдгэр тэнгэрийн өнгө насан туршид санаанаас гарахгүй байх.
Чойжилын Чимид бол хар залуугаараа алдаршсан. 13-тайдаа Мар­шал Чойбалсанд үнэлэгдэн
түүнд анхны шүлгээ уншин шагнуулж, нам засгийн хэв­лэлд гарч, тив дэлхийгээр тойрч
ертөнцийн сайхан хүүх­­нүүдтэй ч уулзан учирч дэлхийн сонгодгуудтай нэгэн зиндаанд
явсан нь үнэн юм. Гучин жилийн ойн кино дэлгэ­цэнд Чимидийн “Жаргалын зам” дууриа
уншиж буйг хара­хад ямар чиг бахтай билээ дээ.

-Чимидийг Зохиолчдын хороонд байх
үед та хоёр их л ойр байсан гэдэг?

-Ээ хэлээд юүхэв. Тэр бүх дурсамжийг
ярина гэвэл барах­­гүй л дээ. Гэхдээ бодол санаанд гэгээн сайхнаар үлдсэн өдөр хоногууд
цаг хугацаа алсрах тусам улам тод санагдах юм. Жаран до­лоон оны үед Чимид Зохиолч­дын
хорооны орлогч даргын алба хашиж байлаа. Миний бие тэрхэн үед овоо том гэг­дэх
“Миний дуулах ертөнц” буюу жүжигчин гэж нэршсэн найраглал бичиж хэвлүүлээд шагналаа
цохуулж авахаар Чимидийн өрөөнд орлоо. Тэр ихэд уриалгахнаар 7500 төг­рөг олгохоор
баримт дээр бичиж өгөв. Нярав Ложоо гуайгаас мөнгөө аваад гарч ирвэл мөнөөхөн цохолт
хий­сэн дар­га маань үүдэнд тосч байна. “Гадаа Энэтхэгийн элчинд үйлчилж байгаа
хар тэрэг бий. Чи түүнд ороод суу” гэлээ. Шалмагхан алхалж гараад өнөө ганган хар
ма­ши­ны хаал­­гыг татвал арынх нь суу­дал дээр Явуу, Эрдэнэ хоёр сууж байдаг юм
аа. Би тэднийг хараад баярлана биз дээ. Чимид жолоочийн хажуу талын суудалд суугаад
“Эх­нэр чинь хаана билээ” гэж асууж байна. “Их дэлгүүрийн яслийн эрхлэгч шүү дээ”
гэлээ. Тэр даруйд “Их дэл­гүү­рийн үүдэнд очоод зогсоо­рой” гэж жолоочийг захирав.
Утга зохиолын аваргуудтай яваадаа би дотроо бахдан баярлаж ганган хар машины минь
цонхоор “намайг хүмүүс хардаг ч болоосой” гэж ийш тийшээ сэрвэлзэж л явлаа даа.
Тийм л сайхан цаг үе байж шүү. Их дэлгүүрийн үүдэнд ирээд Чимид “за чи яваад эхнэрээ
аваад ир” гэв. Би дорхноо таван давхарт гарч Цэндээг дагуулаад ирнэ биз дээ. Ингээд
шагналын мөнгөнөөсөө таван мянгыг нь Цэндээд гаргаад барилаа. Зузаан гэгч зуутын
ногоон дэвсгэрүүд атгуултал Цэндээ­гийн баярлаж байгаа гэж жиг­тэй­хэн. Гутлынх
нь ул гялал­заад их дэлгүүрийн шатаар алга болж билээ. Горькийн сургуулийн дээд
курсийн оюут­­ны байрны долоон давх­рын өрөөндөө унтаж байтал шөнө дүлээр жижүүр
орос авгай гүйж ирэн үүд нээгээд “Танай Элчин сайдын яам­наас яарал­­­тай ярья гэж
бай­на” хэмээн сандруухан хэлэ­хэд нь би ч муу л юм бодлоо. Зүрх түгшин, нэг л халгасан
янзтай утасны харилцуур автал “Бай­на уу, Чимид ах нь байна аа” гэх нь тэр. Цааш
чагнавал “Би Хар далайд эхнэртэйгээ амраад буцаж явна. Одоо бол Россия бууд­лаас
Цэвэл­сүрэн­гээс оргоод Чойжилынд байна. Чи банди нарыг дуу­даж сэрээ” гэж би­лээ.
Банди нар гэдэг нь Гоь­кийн сур­гуульд сурч байсан оюутнууд буюу Готовын Нямаа тэргүү­тэй
Монголын нэртэй зохиол­чид байсан даа. Бид бол аугаа их Чими­дэд нээрээ л банди
нар юм. Дээр нь тэр тэгж гоё дотно­суулж хэлдэг хүн байж.  “Сүрэн­жавтай ярья, Монго­лын Элчин сай­дын яамнаас
ярьж байна” гэдэг нь орос ав­гайг хуурах заль л байхгүй юу. Чи­мид бол түүнээ мэднэ
ш дээ.          

-Ламзавын Вангантай та бас л ойр
явсан даа?

-Жаран найман оны найм­­­­­­дугаар
сарын хуучаар билээ. Дорнод аймгийн төвөөс Халх голыг зорин цэргийн ачааны жаран
гурав машинтай хэдэн хүн гарсны дотор Ванган бид хоёр явж байв. Тэгэхэд би цэл залуу­хан
байж дээ. Ванган гуай ч гэсэн идэрхэн байв. Эр хүний 49 нас гэдэг бол залуу биз
дээ. Их эрт нэрд гарч олон хүн гуайлж хүндэтгэдгээс болоод нэг л настай ахмад хүн
шиг санагддаг байсан. Ванган том зохиолч хэрнээ миний ижил ачааны машины тэвшин
дээр улаан тамхи угзарч явсан нь хачирхалтай. Яриа хөөрөө нь бүр чиг энгийн. Ачааны
63-ын тэвшин дээр сууж яваа хүмүү­сээс огтхон ч ялгарах зүйлгүй. буурал орж яваа
пинтүү мая­гийн халимагтай, булцгардуу намхан бор хүн явлаа. Ан­заар­­сан хүнд бол
энгэр дээр нь гялалзаж байгаа өл­зий утастай төрийн шагналт­ны тэмдэг нь л бусдаас
арай өөр гэдгийг нь тодруулж бай­сан даа. Вангантай холбоо­той олон дурсамж хэлмээр
байна. Гэхдээ жаран найман оны намар сэтгэлд хөндүүр­лээд амаргүй. Монголын соёл
урлагт ёстой нэг гай нүүрлэ­сэн он байсан юм. Чехийн жүжигчдийн автобус Туулын гүүрний
урд мөргөцөгт онхол­дон хөрвөөснөөр эстрадын од болсон бүх л чуулга сүйрч, түүний
улмаас олон хүн ажил албанаасаа хагацсныг бид мэднэ. Доржсүрэн байцааг­дан орлогч
сайдаасаа ава­хуулж, Сосорбарам сайд Дорнодын театрын ойд орол­цон эзгүй байснаар
Лодой­дамба гуай тулгагдан Чехийн үймээн дундуур олон шари­лыг хүргэн түнээсээ гайтсан
уу, хоёр жилийн дараа хор­воог орхиж, Ванган маань удалгүй шарлан тэр намраа явчихаж
билээ. Түүнээс хойш нэг л хэсэгтээ Монголын урлаг соёлын нуруу хотойх шиг болж удтал
тэнхрээгүй юм даа. Түүхэнд нэг хүний үүрэг бага, энээ тэрээ гэлцэх боловч үнэн хэрэг
дээрээ гоц гойд хэдхэн хүн л тухайн цагийнхаа ачааг нуруун дээ­рээ авч явдгийг Ванган,
Лодой­­дамба нарын амьдрал харуулсан. Жаран найман оны намар Ванганыхаа амьд­­­­­ралын
сүүлийн жилүү­дэд тийнхүү халуун бөөрөө нийлүүлж хамт явжээ. Хөдөө айлуудад адсаган
дээр нь өвөртөө унтаж, сэтгэлээ дэв­сэн ярилцахдаа Ванган гуай минь тэр аяараа зохиолын
баатар шиг, амнаас унасан үг бүхэн зохиол бүтээлийн зам мөртэй нягт холбогдож бай­сан
сан. “Намайг сайд бай­хад…” гээд эхэлдэг яриа нь  үнэндээ ер бус. Дандаа л эгэл хүмүүсийн тухай
хөвөрнө.

“Ертөнц
амилах хавар цаг аа, чиний урьхан инээмсэглэлд согтуурч

Есөн
төө чулууны дор нойрссон нөхрөө дуудан ярилцмаар бодогдоно”
гэх мөрүүдийг би аугаа Ванган­даа зориулсан юм даа. Монголын
театр урлагийн түүх Ламзавын Вангангүйгээр бичигдэх учиргүй билээ.

Н.ГАНТУЛГА
Үргэлжлэл бий

Categories
редакцийн-нийтлэл

Бөөнцагаан нуураа санагалзах найрагч бөн бөн нулимстай

Пүрэвжавын Пүрэв­сүрэн найраг­чийнд оч­лоо. Их
хотын баруунтаа байх хуучин сууцандаа гэргий Нав­чаа­тайгаа, хав нохойтойгоо аж
төрж суу­на. Орцных нь үүдээр  орохуйд хав
нохойны бор­гон хуцах нь тодхон сонсдов. Навчаа эгч най­рагчдыг хүлээгээд хэдий­нэ
гэрийнхээ хаалгыг нээ­чихсэн дуу шуутайхан зогсож байгаа нь тэр л дээ. Пүрэвсүрэн
найрагч том өрөөндөө аанай л хэвтэж байна. Өндөр гэгч дэр тавиад бараг л өн­дий­гөөд
суучихсанаас ялгаагүй. Данзангийн Нямаа тэр­гүүтэй Хонгор нутгийнхаа найрагчдыг
харж, өөрийнх нь араас их утга зохиолын замд уралдааны морьд шиг гарч ирсэн тэднийгээ
үнэр­лэн үнсээд сая л нэг бах ханаж байгаа болол­той. Мэнд усаа мэдэлцэн царай зүс
нь бүр чиг туяа­раад ирлээ. Ер нь чиг тэнхлүүн сайхан байна. Өнөө л бүдүүн хадуун
хоолойгоор энэ тэрхэнийг өгүүлнэ.  “Түүний
дуу хоолойг сонсоход бүлээн сүү ууж байгаа юм шиг таатайхан санагддаг билээ. Сэтгэл
татах ямар нэг зөөлөн намуун юм түүний дотроос ундраад байх шиг. Царай төрх нь зуны
наранд халсан байц хадтай төстэй ч тэр хадыг нэвт хаван гоо тансаг цэцэгс ургаж
сэтгэл гижигдэн, өнгө бүрээр нүд булааж дулаахан гэгээ авчрах бүлгээ. Би Пү­рэвсүрэнгийн
шүлгүүдийг уншиж суухдаа Мон­голын яруу найргийн хүн чанар юм даа гэж бодов” хэмээн
Очирбатын Даш­балбар агсан “Морь­­той хүн буюу Пүрэвжавын Пүрэв­сүрэн” хөрөг нийт­лэлдээ
тодотгосон байдаг.

Үнэндээ Пүрэв­сүрэн найрагчийн бүдүүн хадуун дуу
хоолойг сонсож суухуйд нэн таатай хийгээд Бөөн­цагаан нуураа зүрх сэтгэлдээ долгис
татуулан санаж, Баацагааныхаа ухаа хонгор тол­годыг зүйрлэх ар­гагүй санахыг нь
мэдрэх бас чиг амаргүй. “Би гэдэг хүн хөдөөгөө л санах юм даа. Ижий аав хоёроо тэсэхүйеэ
бэрхээр санах юм. Дөнгөж төрөөд гурав хонож байсан улаан нялзрай амьтныг хормойлж
хариад хүн бол­госон ачлалт ижий минь. Зүүдэнд ижийтэйгээ уулзаж хацар­таа зөөлхөн
үнсүүлээд  сэрэ­хэд үнэр нь үнэртдэг шүү”
гээд хоёр нүднийх нь нулимс сувдраад ирнэм. Тэрээр хөдөөгөө, Баацагааныхаа ботгон
халиун тол­годыг, Бөөн­цагаан нуу­рынхаа уйтан хонгор үдшийг сэтгэл бөмбөрүүлэн
санаж, хаврын гэгээн сарнаар нэм­нээтэй бяруу шиг нутгийнхаа тэнгэр дор эгэл хийгээд
элгэмсүүхэн зогсч шүлгээ бичдэг найрагч билээ. Нут­гийнхаа тэнгэр дор гэдэг нь Нав­чаагийнхаа
дэргэд яг л одоо өндийж суугаа энэ орон дээрээ л гэсэн үг юм. Бие нь энд боловч
сэтгэл зүрх нь цаг ямагт нутгийнхаа тэнгэр дор зогсч, нуурынхаа тунгалаг уснаас
маг­найдаа адислаж байдаг, Бөөн­цагаан нууртайгаа зүрхнийхээ нандин холбоосоор холбогддог
найрагч бүлээ. Тиймдээ түүний шүлэг бүрээс, шүлэг найргийнх нь дотоод ааг амьсгал
бүрээс хөдөө­гийн салхи савир нэвт ханхалж, намрын шаргал наран дор цагаан бүгээн
дэрс бөхөлзөх шиг болж, голын тэртээгээс бүлээн манан дээш хөөрөх хийгээд хавар
эртийн цаг дор ангир нургих шиг уяруухан болдог ажгуу.

Найрагчийн гэргий цай цүй хоол унд болж, Нямаа
найрагч, төрийн шагналт зохиолчийн “Багшийн ачийг мартахгүй” шүлэг аль тэртээ тавин
зургаан онд “Лениний зам” сонинд хэвлэгдэж байсныг дурсч, өнөө Пүрэвсүрэн нь Лхагвасүрэн­гийн
Батцэнгэл дүүгээ өөрийг нь “Өдрийн сонин”-д хэдэнтээ гаргас­ныг хайлган сэтгэлээр
санадгаа хэлж байх зуурт миний бие

“Сарны туяа хүлгийн минь дэлэнд наадах

Сайхан шөнө тал нутгаараа давхих сан

Санаа сэтгэл уужран дөрөөн дээрээ өндийхүй

Сайн хүлгийн туурай дooгуур газар дэлхий урсдаг
сан

Цэцэгт талын хязгаарт аяыг нь хүргэх гэсэн мэт

Цээл сайхан эгшигтэй дуугаа нэг дуулах сан

Амгай дарах хүлгийн нуруун дээр дуулахад

Амьсгал уужран ая нь чөлөөтэй урсдаг сан

Тайван тэнгэрээс түмэн одод анивчих шөнөөр

Таанын замбагат толгой бутар­тал нэг давхих сан

Талын салхинд дээлийн хормой дөл шиг хийсэж

Таатай залуу насны хийморь ганц бадардаг сан

Орчлонд ганцхан заяасан нутгаа дурсан санахуй

Орон хотын хөлөөс гүйх морь шиг холдмоор

Үүрсэн дуудах хүлгээ шилгээлээ гээд сэрэхэд

Үүрийн зүүднээс нутгаа дахиад үзэхсэн гэж хоргодмоор

Ай хөөрхий төрсөн нутаг чам­даа дахин очиж

Агтын дэлэнд салхи шуугихыг сонсох минь хэзээ
бол

Атар залуу насны дуртгал бүхнээ сэргээж

Айрагт гэрийн гадаа дөрөө мултлах минь хэдийд
бол…”
гэх нэгэн тунгалаг шүлгийг нь цээжээр уншаадахав.
Найрагчийн сэтгэл ихэд хөдөлж “Хэрсэнгийн цагаан талаа мориор туучиж явсан хүүхэд
багын дурсамжаа санаж наад шүл­гийг чинь жараад оны эхээр бичсэн юм шүү” гэв. Тэгснээ
“Миний Хэр­сэнгийн тал бол мориор туулаад барамгүй их тал даа” гэж цээжнийхээ угт
хөндүүрхэн санаа алдлаа. Тэр­хүү далай цагаан талд багын дуугаа хадаан сайн хүлгийн
нуруун дээр дарцаглаж явахдаа яруу найргийн­хаа тансаг сайхан мөрүүдийг сэтгэл­дээ
тарни мэт нэвчээж, ус нутаг­тайгаа уусан алдарсан биз ээ гэх бодол төрөөд явчихаж
байгаа хэрэг. Биднийг шүлэг найраг болоод ихээ­хэн дуутай шуутай ахуйд Пүрэв­сүрэн
найрагч хэсэгхэн хугацаанд хоёр нүдээ анисхийж чимээ аниргүй суусан нь нэгийг өгүүлэх
буй за.

“Сүүлд хэний ямар номыг уншив, найрагч нөхдөөс
чинь хэн хэн эргэж ирэв, уран бүтээл их туурвиж байна уу” гэх асуултуудыг ар араас
нь ханаруулан тавилаа. “Манайхан ойрдоо үзэгдсэнгүй ээ. Цоодол, Бадарч хоёр ирдэг
юм. Бадарчийнх хотын төв рүү нүүгээд нутаг холдсон дуулдана. Цоодол шинэ бүтээл
бүхнийхээ эхийг бариад ширээ ат шиг намс намс алхаад орж ирнэ дээ, цаадах чинь.
Тангадын Галсан өвлийн өвгөн болж шинэ жилээр Нямаа энэ хэд ирээд намайг нэг уйлуулаад
явсан даа” хэмээн Их утга зохиолын харгуйд ижил зүсмийн морьд шиг яваа найрагч нөхдөө
дурслаа. Дөнгөтийн Цоодол найраг­чийн шилдэг бүтээлийн “Алтан-Өд” шагнал хүртсэн
“Хөеө” болон “Хони­ны боол” номуудынх нь өмнөтгөлийг ардын зохиолчийн дотночилж
хэлд­гээр “Банхар” нь бичиж билээ. Дур­самж дурдатгал, хөрөг, эссэ тэмдэг­лэл, өгүүллэг
туурийн шилмэл бүтээл болох “Хөеө”-гийн өмнөтгөлд Пүүжээ найрагч “Хуучин андын шинэ
номыг уншаад хүүхэд болтлоо баярлалаа” гэж халуун дулаан, ёстой л уран бүтээлчийн
нулимст үгсийг бичсэнийг санаж байна. “Хонины боол”-ыг нь ч ялгаагүй дээ, тийм л
сэтгэгдэл сэрэ­хүйд хөтлөгдөн бичсэн байдаг. Түүнээс уран бүтээ­лийн андууд­тайгаа
хэрхэн танилцаж байсныг асуухад, “Жаран есөн оны өвөл юм сан. Зохиолчдын хороогоор
орж, Явуу багшийн өрөөний хаалгыг татаж үзвэл эзгүй байна аа. Адъяа эгч ажилдаа
явчихсан, мань эр бие тааруу гэртээ байгаа юм байна гэж санаад дэлгүүрээс ганц
“гожин” аваад очлоо. Зочны өрөөнд нь орвол монгол дээлтэй, их өтгөн битүү хар халимагтай,
хүдэрхэн залуу сууж байна. Би түүнтэй мэндлэх зуураа “Энэ лав барилддаг байхдаа”
гэж бодсон сон. Тэр нөхөр Цоодол байсан даа. Ер нь би Явуугийнд үеийнхээ сайхан
найрагчидтай та­нилцсан байдаг юм шүү. “Улаан хамар”-т Шагдарсүрэнтэй бас л Явуугийнд
танилцаж байлаа. Манай Шагдарсүрэн тэвхгэр сайхан эр байсан даа” гээд бас л чимээгүй
болов.

Бадарч, Сүрэнжав, Дулмаа, Шаг­­дар­сүрэн, Чойном
гээд Мон­голын утга зохиолд жараад онд дуутайхан орж ирсэн найрагч нөхдөө үгүйлэн
санаж буй нь илт. Данзан­нямын Шагдарсүрэн гэж богинохон насал­сан ч эрдэнийн чулуу
шиг гэрэлтэм авьяастантай тэрээр дэндүү дотно явсныг утга зохиолынхон мэднэ. Шагдарсүрэнгээ
өнгөрсний дараа­хан Сүхбаатарын Баруун-Уртад гэрт нь очиж шүлэг зохиолыг нь эмхлүүлээд
буцахын даваан дээр ижийг нь тэвэрч цурхиран уйлсныг Балбар найрагч хөрөг тэмдэглэлдээ
бичсэн нь бий. Тэгээд эмхэлсэн шүлгүүдийг нь баринтаглаад “Уянгын цэнхэр давалгаа”
нэртэй сайхан ном гаргасан байдаг. Пүрэвсүрэн бол нөхөрлөлд тийм үнэнч, хүн чанарын
туйл болсон найрагч.

Уг номонд “Хэрвээ хүмүүс цэцэг­хэн гэвэл

Хээр талын хэнзхэн сарнай, би

 Арвин дэлхий
шиг ачлалт ээж таныхаа

Алганы толион дээр ургасан байж таарна…” гэх
“Үүрд хамт байгаач, ээж ээ” зэрэг найрагчийн халуун амьсгал хураахын өмнө бичсэн
хайлган шүлгүүд багтсан билээ.

“Шаравын Сүрэнжав, Шагдар­сүрэн, Нямаа

Шагдарын Дулмаа, Пүрэвсүрэн, Бадраа

Цайлган сэтгэл зүрхэнд минь мөнх дүрээ сийлсэн

Цаг үеийн чацуутнууд мөр мө­рөөр ярайнам” гэх бадаг шүлэг Чойномын “Миний Монгол” найраг­лалд бий. Эндээс харахуйд,
Чой­номын зүрхэнд эдгээр найрагчид хичнээн дотно явсны илрэл биз ээ.

Хоёр мянга хоёр оны хавар. Бүр тодруулбал, дөрөвдүгээр
сарын арван есний орой. Утга зохиолын сургуулийн нэгдүгээр ангийн оюутан би бээр
анхны хайртайгаа учирч, дээд ангийнхаа гэрэлтсэн хар нүдтэй охинд дурлаж яг л тэр
үдэш хайртай гэдгээ хэлэхээр шийдэн, болзсон цагаа тэсч ядан хүлээж суухдаа Пүрэвжавын
Пүрэвсүрэн найраг­чийн “Үдийн наран өндөр” хэмээх шилмэл ботийг эргүүлж, “Их Тээлийн
даваа” туужийг нь сэтгэл догдлон уншсанаа мартдаггүй юм. Цээжин цаана зүрх булгилж,
хайртай гэх үгийг хэлнэ гэхээс хамаг биеэр цахилгаан гүйдэл гүйх шиг болоод тогтож
ядан байсан хүн чинь уг зохиолын амтанд орж өнчин Тулга хүүгийн дуулахыг зүр­хээрээ
мэдэрч, Их Тээлийн даваанд нь хамтдаа гарах шиг болсон доо. Хажууд хөх мах нь чичирч
зогсоо морины хөлс амтагдаж, Жамъян­мядаг тэргүүт цэцгүүдийн дунд тэр­лэгээ дэвсэж
хэвтээд, улмаар уулсын энгэрт цайлалзан зэрэглээнд хөвөх цагаан гэрүүд, гол ус мушгиран
урсахыг даваан дээрээс харах шиг болсон сон. Түүний зохиол надад тэгж л нөлөөлж
бороо орох гээд ч байгаа юм шиг, тэнгэр үе барааг­насан урин хаврын орой сэтгэлдээ
Их Тээлийн давааг тээгээд учралт бүсгүйдээ тийнхүү очиж билээ. Хүний амьд­ралд нэг
их тохиохгүй нандин дурсамж юм даа. Тэр л цагаас хойш би Пүрэвсүрэн найрагчид чин
зүрх­нээсээ татагдан “Танил хорвоо” гэх зузаан хөх хавтастай номыг нь дэрлэн унтах  болсон юм. Хоёр мянга долоон оны зургадугаар сарын
хорьдоор Отгонтэнгэр хайр­ханыг зорих замдаа Баянхонгорын Баа­цагаанаар дайрч, Их
Лхам­сүрэн­гийнхээ “Хүрэн морь”-нд сун­далдан яваа ангир үрстэй нь хамтдаа шуу­гилдаж,
Бөөнцагаан нуурынх нь хөвөөнд хоноглосон үдшийг яахин мартах билээ.  Шөнө нойр хүрдэггүй ээ. “ТВ-9” телевизийн сэтгүүлч
байсан Батсүхийгээ, Монголын радиогийн Элдэв-Очир энэ хэдийгээ дагуулан гэрээс зургадугаар
сарын хорьдын саран туссан Бөөнцагаан нуурын хөвөөгөөр Пүрэвсүрэн найрагчийн шүлгийг
уншин алхалж билээ. Нуурын зөөлөн тунгалаг уснаас магнайдаа адислах ахуйд болор
болор дуслууд сарны гэрэлд дугариг  долгис
үүсгэн, түүн дунд бүдүүн хар модны хожуул шиг найрагчийн дүр тодорч, “Бүжигч охидын
өлмий шиг ижил мянган долгистой Бөөнцагаан нуур…” гэх мөрүүд өнөөх сарны туяа шиг
асгарч байв даа. Маргааш өг­лөөний мандмал нарыг  мөн л нуурын хөвөөнөөс харан бахдаж, Улаан шалын
хоолойгоор хойш давхиулсаар Алтан тэвшийн хөндий-Говь-Алтайн Бигэрт очиж Мишигийн
Цэдэндоржийн Бурхан буудай ууланд сүслэн залбирч явсан даа. Ийм л нандин мэдрэмж,
хувь заяаны тохиол өчүүхэн намайг найз нөхдийн нь шоглож хэлснээр “Авьяасаар дүүрэн
хар овоохой”-той холбосон юм аа.

Бид ганзалж очсон ганц “юм”-аа Навчаа эгчийн гурилтай
шөлийг даруулсхийгээд нар зөв тойрч шүлгээ уншлаа. Данзангийн Нямаа найрагч “Монголын
сонгомол яруу найраг” антолигид багтсан “Сарны туулай” шүлгээ уншив. Араас нь Баян­хонгорын
Загийн хөвгүүн, МЗЭ-ийн болон Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит шагналт  “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Лхагвасүрэнгийн Батцэнгэл
“Тэнгэрт өргөх шүлэг”-ээ дуудан, “Хос шарга” дуу нь гарсан даруйдаа хит болж, “Амгалан
төрийн ажнай шарга”-ын давхилыг их усны хаялга шиг улам задгайлж, өөрөө золтой л
Эрдэнэ­чулуун уяачтай ижил манлай боло­хоо алдсан Даш-Очирын Агваан найрагч “Босоо
бичиг” шүлгийг Пүү­жээ найрагчийнхаа орны толгойг түшисхийгээд уншлаа. Ичинхорлоо
гэж мөн л Хонгор нутгийн найрагч бүсгүй нутгийн толгодыг уясуулсан нэгэн сайхан
шүлэг уншаадахав. Тэр бүхний дараа Пүрэвсүрэн найраг­чийн дугараа ирлээ. Тэрээр
“Эрдэнэ засгийн унага нь

Эрвэлзэнхэн жороо

Элс манханд нутагтай

Эмгэн буурал ээжтэй

Товуу засгийн унага нь

Товолзсонхон жороо

Товцог манханд нутагтай

Тун чиг буурал аавтай…” хэ­мээн нүдэндээ нулимс гүйлмэг­нүүлэн уншлаа. Сэтгэл хөдөлсөн, өнөө
дээр өгүүлсэнчлэн нутгийнх “тэнгэр” дор нулимстай зогсох ахуйдаа тэрээр “Эрдэнэ
засгийн унага”-ыг дуулах биш дуурсуулдаг юм, аялах бус асгаруулдаг ажгуу. “Би чинь
ийм л ижий аав хоёртой бай­лаа” гээд дотогшоогоо мэлмэрэхэд нь

“Холдож одсон зуныг нэхэж яваа мэт

Хонгор намрын сэрүүн салхи сэвэлзэнэ

Овооны дэргэд аавтайгаа хамт зогсоход

Орог буураг санчигных нь үс сэрвэлзэнэ….” Гэх
юм уу, эс бөгөөс

“Хөгшин хусны мөчир шиг эв хавгүй

Хөшүүн боргил нэгэн гарт би хайртай

Хазаарын товруу шиг овгор товгор үеийг нь

Харах тоолон эзнийг нь өрөвдөн уярдаг юм

Хөдөө талд жингийн цуваа буудаллах үес

Хөр хунгарыг малтаж майхны буйр засаад

Цаст өвлийн үүрийн жаварт энэ гар

Цантсан олсоор ачаа татаж явсан юм…” хэмээх аавдаа зориул­сан шүлгүүд утга зохиолд жин дарах бүтээлүүд,
ерөөс Пүрэвсүрэнгийн шүлгүүдийн мөр бадгууд шиг аавын тухай шүлгүүд үнэндээ ховор.
Энэ мэт найрагчийн шүлгүүдээс жишээ татна гэвэл “Танил хорвоо” номыг нь тэр чигээр
нь биччихмээр л. Гэхдээ “Морин тойруулгад” гэх нэгэн шүлгийг нь дурсахгүй өнгөрч
болохгүй нь.

“Тэнгэрийн хаяаг нэвтлэм гарам

Алсан зай-Морин тойруулгад үгүйлэгдэвч

Тэмүүлэх хүлгүүдийн догшин төвөргөөн

Аргагүй л хээр талыг санаг­дуулна

Хөрстийг долоон цойлох сум адил

Хөлийн шүргэлтээр шороо бос­гох морьд

Тоос буусан зовхи цавчрахын зуур

Торс торхийн өнгөрч байна

Морин дэл дээр агаар амссан зүрх

Гарт орсон хараацай шиг цовхчиж

Монгол талын эрүүл салхин нүүр алгадах шиг болно

Хүлгийн халуун тоос мөрөн дээр минь хур шиг бууж

Хөдөөд жигүүрлэсэн сэтгэлд эртний дуртгал

Цэцэг шиг задарч байна

Хүлэг морьдын уралдаан кино аятай дуусаж

Хөөрсөн тоос залхууран газар­таа бууж

Наадамч олон үүргүй шоргоолж шиг бужигнахуй

Надад ханаагүй жаргалын харам­сал нэмэгдэв

Хотод төрж баригшин дээр өссөн

Хонгор минь залхуурсан янзтай суниаж

Өдийхөн юманд хөөрч догдол­сон намайгаа

Өрөвдсөн янзтай мөрний тоо­сыг гүвж байна”. Ёстой л нөгөө хэмнэл хөдөлгөөн нэгэн амьс­галаар төрсөн шүлэг дээ.
Пүрэв­сүрэн бол ийм л аатай найрагч билээ.

Түүний “Миний ээж тэмээчин” болоод “Цастай гудамж
гантиг шиг цайрч…” гээд эхэлдэг “Шинэ жилийн дуу”-г нь мэдэхгүй хүн ховор. “Алган
дээрээ бөм­бөрүүлсэн, айлын хоо­ронд үүрсэн…” ээжий тухай дуу нь ардын дуу шиг мөнхөрсөн
байх жишээний. Энэ мэт олон сайхан дурсамж дурдатгалыг зохиолчтой үдэшжин хуучилж,
Бөөнцагаан нуу­раа санан бөн бөн нулимстай суухад нь “Бурхан Богд аав хоёр”, “Эцэг”,
“Өшөө” тэргүүт ерээд дун­дуур бичсэн шилдэг зохиолуудынх нь тухай ярилцсан. “Та
хэд минь дахиад ирээрэй, цаад хэддээ мэнд хүргээрэй. Намайг  бүр өндийгөөд сууж байна гэдгийг хэлээрэй” хэмээн
ээлж да­раалан үнсэхэд цээжнийх нь цаана Бөөнцагаан нуур нь дугариг дугариг долгистой,
ангир нургиулсан шигээ зөөлхөн долгилж байв шүү.

Н.ГАНТУЛГА           

Categories
редакцийн-нийтлэл

Хэний ч биш хөрөнгөтэй, юуны ч биш нийгэмтэй улс болох нь дээ, янз нь

Гэмт хэргийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа.
Тэр хуулийн наймдугаар зүйлд үйл ажиллагаа явуу­­лах тусгай зөвшөөр­лийг хүчингүй
болгоно. (8,1) хуулийн этгээдийг татан буулгана. (8,7.1) хувьцаа, хөрөнгө, орлогыг
хураан авч төрийн өмчид шилжүүлнэ. (8,7.2) гэж заажээ. Энэ нь ардчилал зах зээлд
шилжиж орс­ноос хойш гарч байгаа хамгийн харгис хууль бо­лох нь тодорхой байна.
Харгис байгаад зогсохгүй Нэгдсэн Үндэсний бай­гууллагаас гаргасан Хү­ний эрхийн
түгээмэл тун­хагийн 17 дугаар зүйлд заа­сан “Хүн бүр дангаа­раа бо­лон бусадтай
хамт­ран өмч эзэмших эрх­тэй. Хэ­ний ч өмчийг дур зоргоо­роо хураан авч болохгүй”
гэсэн заалтыг зөрчиж бай­на. НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тун­хагийг энэ байгууллагын
гишүүн орнууд ягштал мөрдөж ажиллах үүрэг­тэй байдаг. Мөн баталж байгаа хууль журмаа
түүнд тохируулан гаргах ёстой. Тэгвэл Мон­гол Улс Үндсэн хуульдаа “хөдлөх үл хөдлөх
хө­рөн­гө шударгаар олж авах” мөн “Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг
хориглоно” гэж оруулсан байдаг. Эдгээр өмч хөрөнгийн тухай Үнд­­сэн хуулийн заалтууд
нь Хүний эрхийн түгээмэл тунхагийн дээрх заалтуу­дыг зөрчөөд байгаа юм. Түгээмэл
тунхагт өмч эзэм­ших эрхтэй л гэж заасан. Түүнээс заавал шударгаар олж авах гэж
хэлээгүй. Энэ шударгаар гэдэг үг бол их хийсвэр үг. Шударга гэдгийг хэн тог­тоох
вэ.

Юуг шударга
гэж үзэх вэ гэдэг нь цаг үеэ дагаад үргэлж өөрчлөг­дөж бай­даг эд юм. За яахав шу­дарга
гэдгийг шүүх тог­тооё гэж үзье. Тэгвэл ма­най нөхцөлд шүүх нь ту­хайн цагт эрх барьж
бай­гаа хүчинд үйлч­лэх нь илүү магад­лал­тай байдаг нь нууц биш. Хэрэв шүүх ингэж
улс төржиж юм уу захиалгаар энэ хүний хөрөнгө олж авсан нь шударга биш байна гэж
үзвэл тухайн хүний хө­рөнгийг төр ху­рааж авах бүрэн боломж­той юм. Жи­­шээ нь
“МАК” компани гэж байдаг. Ма­най хам­гийн том компа­ниудын нэг болохоор нь жишээ
ав­лаа. Тэр компа­нийн эзэн тусгай бай­гууллагад уул уурхайн чиглэлээр ажил­лаж
бай­сан гэдэг. Тэгвэл шүүх захиалгаар энэ нө­хөр төрийн байгууллагад ажил­лаж байхдаа мэдээ мэдээлэл ашиглан хө­рөн­гө
олж авсан байна гэвэл яах вэ. Тэгээд энэ үйлдэл шударга биш гэж тогтоовол яах вэ
л гэж хэлээд байна. Бас нэг жишээ авъя. Сү.Батболд гэж манай том бизнес­мен байдаг.
Ерөнхий сайд байсан гэхээр хүн бүр мэднэ. Тэр БНМАУ-ын гадаад худалдаанд ажиллаж
байсан. Тэнд ажиллаж байхдаа мэ­дээл­­лээ ашиглаад “Чингэс” зочид буудлыг худалдаж
авсан байна. Энэ шударга биш гэж үзвэл бас л хураах уу гэх жишээтэй. Үндсэн хуу­лийн
нөгөө нэг заалт нь хууль гаргаж байгаад хүний хөрөнгийг хурааж болно л гэсэн заалт
шүү дээ. Эдгээр заалтууд нь Монголд хувийн өмч үүсч бий болоход саад болж эхэллээ.
Урьд өмнө нь бид Үндсэн хуулиар хувийн өмч хамгаа­лагд­сан гээд додигор байдаг байлаа.
Тэгээд ч ардчи­лал зах зээлийн нийг­мийн үндэс нь хувийн өмч учир ингэж хууль гаргаж
байгаад хураа­на чинээ санасан­гүй. Тэгвэл сүү­лийн үед улстөрчдийн ганц ярь­даг
зүйл нь хө­рөн­гө хураах, хувийн өм­чийг хууль гар­гаж өгөөд бусдад тараах, ний­гэмч­лэх
гэж л ярьдаг болов. Энэ бүх ярианы үндэс нь дээрх Үндсэн хууль дахь өмчийн тухай
хоёр заалт юм. Уг хоёр заалтыг да­руй­­хан Үнд­сэн хуу­лиас авах хэрэг­тэй байна.
Ху­вийн өмч бол ардчил­лын үндэс суурь билээ. Харин ард­чилал нь манайх шиг жижиг
буу­рай орны хувьд оршин тогтнох үндэс суурь юм. Ардчиллын амин сүнс нь чөлөөт хэв­лэл
гэдгийг бид бүхэн мэд­нэ. Тэгвэл энэ ардчил­лын амин сүнс болсон чөлөөт хэв­лэлийг
устгах ажиллагаа маш ухаал­гаар аажуухан эр­гэлт бу­цалтгүйгээр яваг­даж бай­на.
Монгол Улсыг хорлох гэсэн энэ санаа хаанаас гараад ямар мэр­гэн цэцэн бүр атаарх­маар
ухаалаг яваг­даж байхыг хараад гай­хаш тасрах юм. Мон­гол Улс бол жижиг орон. Тийм
ч учраас хүн ард нь их хартай байдаг. Бид­нийг хагалан бутаргах бид­нийг хуучин
юуны ч биш нийгэмд нь буцаан хаях гэсэн монголчуудад дур­гүй орнууд байдаг бол тэд
үнэн нарийн бөгөөд ал­сын бодолтой юм гэж хар­дахаас өөр арга алга. Монголчуудыг
ардчил­лын замаас нь гаргах ганц зөв арга бол чөлөөт хэвлэлгүй болгох юм. Тэг­вэл
тэр хүчин чөлөөт хэв­лэл рүү довтолсон. Эзэн, сэтгүүлч, хөрөнгө оруу­лагч гэж хагаралдуулсан.
Эзэн та нарыг боолчилж байна. Мөнгө өгөхгүй бай­на. Турааж аллаа. Хэвлэ­лийн эрх
чөлөө алга. Хэв­лэл мэдээлэл нэг хүний гарт байх ёсгүй. Хөрөн­гийг нь тарааж сэтгүүлч­дэд
өгнө. Сэтгүүл зүйд хөрөнгө оруулагчид бол адгийн амьтад, тэд энэ нийгмийн дайснууд.
Алт ухахгүй, архи нэрэхгүй, хэвлэл байхгүй бол цэвэр гартай, цэвэр сэтгэлтэй гэсэн
ойлголт нийгэмд бий болгосон. Энэ нь Мон­голын чөлөөт хэвлэл бо­лох хувийн хэвлэл
мэ­дээллийг саармагжуулж хүчгүйдүүлж, хэвлэлийн магнатуудыг бизнесээ хаях, тоохгүй
болгоход хүргэж байна. Хэрэв Монголд дургүй энэ хүчин ялах юм бол хэвлэл мэ­дээлэл
хэний ч өмч биш болно. Харин өөрсдөө өмчгүй болсон хэвлэлийн эрхлэгч нар нийгмийг
тэр чигт нь өмчөө тараахыг уриалж эхэлнэ. Яагаад гэвэл хүн өөрөө хохирвол өрөөлийг
ч бас хохи­роо­хыг чармайдаг нь жам юм. Миний хөрөнгийг та­раач­ихаад яагаад “АПУ”-гийн
хөрөнгийг ажилчдад нь өгдөггүй юм. “Алтан тариа” олон жил ажил­ласан ажилчдадаа
хувь өгөхгүй байна. Түүнийг хураа, “Мах импекс”-ийг малч­дад өг гээд л хэвлэл мэ­дээллээр
уриалж тур­хирч эхэлнэ. Энэ нь нийг­мийг бутаргаж давхар­гуудын хооронд дайн дэгдэхэд
хүргэх болно. Үр дүн нь юу болох вэ. Хэний ч биш өмчтэй, юуны ч биш ний­гэмтэй,
хоёр хүчирхэг да­рангуйлагч орны дунд дэлхийгээс хаягдсан до­рой буурай орон болно.
Лав л ардчилсан биш орон болно. Тэр бол ба­тал­­гаатай. Нөгөө Орос, Хятад хоёрт
гайхуулдаг ардчилал, дэлхийд та­нигд­сан гэж нүүрээ та­халж тодордог ардчилал устан
үгүй болно. Харин энэ дашрамд хэлэхэд нэг газар удаан ажил­ласан юм гээд тэр газ­раасаа
цалин авч байсан хүнд хувь хөрөнгө таслан өгч байсан түүх манай дэл­хий дээр л лав
байх­гүй. Тэгээд бүр төр нь хууль гаргаад хувийн хө­рөнгө мөнгийг нь тасдан өгсөн
түүх. Нийгмийн сэт­гэл зүйн ийм л инже­нерч­лэлийн өмнө бид тулж ирээд байна. Үүний
тод илрэл нь энэ Гэмт хэргийн тухай хуульд бай­гаа хө­рөнгө хураах тухай заалт юм.
Гэвч эдгээр заалтын талаар хэн ч дорвитой тайлбар өгөх­гүй байна. “Олон дахин гэмт
хэрэг үйлдвэл” гэсэн тайлбар сонссон. Лав л хэвлэл мэдээлэл бол нэр төр сэргээх
талаар шүү­хийн зарлан олон удаа авч байдаг. Тэгэх­лээр хам­гийн түрүүн сонин, сайт,
телевизийн тусгай зөв­шөөрөл хураагдаж таа­рах болов уу гэсэн айдас мэдрэгдэж байна.
Цааш­даа чухам хэрхэх талаар энэ хуулийг хийж байгаа нөхдөөс учрыг нь сонс­моор
байна. Эцэст нь хэлэхэд хувийн бизнес эрхэлж байгаа нөхдүүдээ сонор соргог байгтун.
Хуулийн заалтаар хөрөн­­гөө хураалгахгүйн төлөө нэгдэн ажиллагтун хэмээн уриалж
байна. Та бүхэн хувийн хэвлэл мэ­дээлэлтэй нэгдэж хувийн өмчөө хамгаалагтун. Хувийн
өмчгүй хүнд ч хувийн өмч хамаагүй ашиг­тай байдаг. Тиймээс хувийн өмчид хүн бүр
санаа тавих хэрэгтэй. Ир­гэд хувийн өмчөө
хам­гаалс­наар эрх чөлөөтэй болно. Та эрх чөлөөтэй байснаар энэ Монгол Улсад ардчилал
батал­гаажна. Ардчилал батал­гаажсанаар тусгаар тогт­нол маань баталгаатай болно.
Энэ бүгдийг чө­лөөт хэвлэл хоточ нохой мэт манана.

Ж.САНДАГДОРЖ