Categories
баннер нийтлэлийн-баннер энгийн-нийтлэлийн-баннер

1987

Categories
редакцийн-нийтлэл

Ардчилсан нам шинэчлэгчийн түүчээгээ огцруулах гэхээсээ шинэчлэлээс чаргуулдагчдаа огцруулмаар юм

Шинэчлэлийн
хэмээх тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч болзошгүй тухай яригдаж байна.
Энэ нь давхар дээл буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллах эсэхтэй
холбоотой шинэ хуулиас эхтэй юм. Хэрвээ сайд нарынх нь тавин хувь УИХ-ын гишүүн
Засгийн газрын гишүүнээр хавсарч ажиллаж болохгүй гэсэн хууль  гарвал энэ засаг огцорч таарна. Гэхдээ уг хуулийг
дагаж мөрдөх хугацааг яаж тогтоохоос бүх зүйл хамаарна.

Гэтэл
энэ засаг давхар дээлээ тайлахаасаа өмнө буюу хуулиар огцрохоосоо  урьтаж 
хуулийн  шинэчлэлийг гардан гүйцэтгэж
байгаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулахаар яаран тэвдэж, хамгийн түрүүнд барьж
авсан нь ямар нэг учир агуулж  байна уу, үгүй
юу.

Уул
нь Х.Тэмүүжин сайд өнөө “давхар дээл” хэмээх томъёоллоор нь огцроод байхааргүй статустай
хүн л дээ. Яагаад гэвэл Засгийн газрын Үндсэн чиг үүргийн дөрвөн яамны нэгэнд түүний
толгойлж байгаа Хууль зүйн яам зүй ёсоор багтдаг. Тиймийн учир “давхар дээл”-ээр
лав огцрохгүй. Харин үүнийг намын нөхөд нь мэдсэн юм шиг, энэ Тэмүүжин ганцаараа
огцрохгүй үлдчих вий гэж айсан юм шиг шинэчлэгч рүүгээ юун түрүүнд дайрч байна уу
даа гэх хардлагыг төрүүлэхэд хүргэж байна.

Х.Тэмүүжин
сайд л ажлаа өгөхгүй бол шинэчлэлийн гэх энэ засаг болоод түүний удирдан чиглүүлж
буй Хууль зүйн яам баларчихаад байгаа хэрэг үү. Лав л өнгөн талаасаа тийм зүйл мэдрэгдэхгүй
байх юм. Харин Н.Алтанхуягийн засгаас огцруулчихаж болохоор хэд хэдэн сайдын нэр
яригдаад удаж байгаа. Эрхэм төрийн түшээдэд ч, энгийн олонд ч зарим сайдуудыг огцруулчихвал
таарна гэсэн дэл сул яриа дуулдах болсныг бид гадарлаж байгаа билээ.

Тухайлбал,
Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж “Зүгээр л огцроод өгөхөд гадны хөрөнгө оруулалт тавин
хувиар нэмэгдчих хоёр сайд энэ засагт байна” гэж хэлсэн. Нямдоржийн хэлсэнчлэн тэр
хоёр сайд хэн байж таарах вэ. Бодох нь ээ, Оюу толгой болоод гадны хөрөнгө оруулагчдад
ясны өстэй гэдгээ ил зарласан Уул уурхайн сайд Д.Ганхуягийг хэлсэн байх. Мөн гадны
хөрөнгө оруулагч нартай уулзахдаа “Эдийн засгийн алуурчид сайн уу” гэж мэндэлдэг,
намынхаа нөхөдтэй уулзахдаа хүртэл “Цаг нар харж байж болно” гэдэг Эдийн засгийн
хөгжлийн сайд Н.Батбаярыг хэлсэн болов уу. Тэгж л тааж таамаглаад байна.

Хэрвээ
энэ хоёр сайдыг огцорчихсон байхад ард түмэн нэг их гайхаад байхгүй. “Энэ удаагийн
Засгийн газрын хамгийн гол хоёр яамыг ийм хүмүүсээр удирдуулаад байхдаа яахав дээ.
Наад хоёр сайдаас чинь болж хөрөнгө оруулалт зогслоо, эдийн засаг элгээрээ хэвтлээ”
хэмээн хэн хүнгүй ярьж бичиж, санаа бодлоо хэлж эсэргүүцэж ирсэн. Тиймийн учир
“ард түмэн нэг их гайхахгүй болов уу” гэж хэлээд байна л даа.

Харин
гарч ирснээсээ хойш л хууль, эрх зүй, шүүхийн шинэчлэлийг ярьсан, түүнийг гардан
гүйцэтгэж байгаа шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн нүүрийг тахалж буй ганц сайдаа
огцруулчихаад Ардчилсан намын нөхөд юу бодож суух вэ. Түүнийг огцруулсан асуудлаа
Засгийн газар олон түмэнд юу гэж тайлбарлах вэ. Ухаандаа, хөндлөнгийн нэгэн компанийн
өмнөөс огцруулчихлаа гэж хэлэх үү. Тодруулбал, цэргийн хоёр эмнэлгийг нэгтгэн Батлан
хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг болгосон. Тэрхүү үйл явцад
хариуцаж буй яамных нь барилгаас 3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий MRI аппарат эвдэрсэн
байдаг. “Пролианс” гэж хөндлөнгийн нэгэн компани уг аппаратын бүрэн бүтэн байдлыг
хариуцаж байсныг бид мэднэ. Тэгэхээр манай засаг ноёд Баасанхүүгийн өргөн мэдүүлснээр
уг компанийн өмнөөс шинэчлэлийн туг болсон сайдаа огцруулчихлаа гэж олон түмэнд
тайлбарлах уу.

Мөн
айлд хүүхдээ суулгасан ялих шалихгүй гэх асуудлаас болоод огцрууллаа гэх үү. Эл
бүгдийг тайлбарлахад үнэндээ хүнд байна. Хууль зүйн сайдыг хэрхэн яагаад огцруулснаа
энэ Засгийн газар, Их хурал ард түмэнд тайлбарлах л болно. Ард түмэн төр засгаас
шаардах ч байх. Ер нь Х.Тэмүүжинг огцруулах гэдэг асуудал нийгмийг бараг босгочихоод
байгаа. Бүх  цахим ертөнц, ил далд хэвлэл
мэдээлэл  олон нийтийн байгууллагууд эрс эсэргүүцэж
байгаа.  Бүр мэдэгдэл гаргаж хийхдээ хүрээд
байна.                 

“Ардчилсан
нам Тэмүүжин сайдыг огцруулбал, Тэмүүжин АН-ыг орхих хэрэгтэй. Ардчилалгүй АН-аар
яахын. Чадлаараа ганцаараа улс төр хийхэд хол явна”, “Тэмүүжинг огцруулсан нь энэ
засгийн товчоонд хамгийн хар, новшийн протокол болж үлдэнэ. Огцруулсан хүмүүс нь
ч тиймээр дурсагдах байх”, “Тэмүүжин огцорно гэдэг шударга ёсыг шороонд булж, шоронд
хатаасантай бараг адилхан”, “Тэмүүжин сайдыг огцруулахыг төрийн тэргүүн зүгээр хараад
суухгүй. Бид ийм Хууль зүйн сайдтай байгаа нь азтай улс гэж Ерөнхийлөгч хэлж байсан”
гэж цахим ертөнцөөр шуугиж байна. Ил далд ийм л өмөөрсөн өнгө аяс бүхий мэдээлэл
зогсоо зайгүй цацагдаж, нийгэм тэр аяараа босчихоод байхад төр засгийн зүгээс өгөх
дээрх тайлбарууд үнэндээ жулдана л даа.

Бүр
сүүлдээ Ерөнхийлөгч хүртэл уг асуудалд оролцож “Түүнд дутагдал бий. Хэрвээ дутагдлаа
засчих юм бол энэ засгаас эхэлж огцруулах сайд биш” хэмээн твиттер хуудсандаа бичсэн
байсан. Мөн телевизийн шууд ярилцлагад орохдоо “Тэмүүжин бол өөрийн гэсэн үнэт зүйлтэй
залуу хүн. Алдах юм байлгүй л яахав. Гэхдээ энэ хүн суралцаж байгаа. Цаашдаа улам
эрч хүчтэйгээр ажиллах байх” гэж хэлсэн. Төрийн тэргүүнээс аваад бүх хүмүүс ийм
л санаа бодолтой байна.

Гэтэл
эрх баригчид маань огцруулна гэж дайраад байгаа. За яахав, шинэчлэлийг гардан хийж
буй сайд нь огцорлоо гэж бодъё. Харин  шинэчлэлээс
улдан чангааж буй хүмүүс нь үлдчихээр энэ засаг юу болж хувирах вэ. Нэг л буруу
шийдвэр гаргаад, буруу тийшээ зүтгээд байгаа юм биш үү. Өнгөн талаасаа тэгж л харагдах
юм. Ямар ч хүнийг шийтгэн, албан тушаал цол хэргэмийг нь бууруулж байгаа бол заавал
ч үгүй үндэслэлийг нь хэлэх хэрэгтэй байдаг. Бүр чиг тодорхойгоор олон түмэнд тайлбарлах
нь зүйн хэрэг. Ерөөс хүний ёс зүй, амьдралын хууль тийм л байдаг.

Гэтэл
Тэмүүжин сайдыг огцруулж буй шалтаг шалтгаан нэг л итгэл үнэмшил төрүүлэхгүй, олонд
нийтэд хүргэх тайлбар нь ултай суурьтай биш байна. Тиймээс эрх баригч Ардчилсан
намын нөхөд минь шинэчлэгчийг хошуучлагчаа огцруулахын оронд шинэчлэлээс улдан чангааж
буй чаргуулдагчдаа огцруулмаар юм биш үү.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Сонгууль гэдэг бултаараа бужигнаж байж сонгодог болохоос булагнасан улстөрчдийн нэрээ дугуйлуулах гэсэн арга биш

Сонгуулийн
тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл ид яригдаж байна. 2012 онд уг хуулийг
мөн л шинэчилж, түүний дагуу тухайн жилийн сон­гууль явагдсаныг бид мэд­нэ. Гэвч
дахиад өөрчлөлт оруулахаар энэ удаагийн пар­ла­мент ажлын хэсэг гарган ажиллаж байгаа
юм. Энэхүү шинэчлэн боловсруулж буй хуулийн төсөлд сонгуулийн амин чухал асуудлын
нэг сурталчилгаа хийгээд улс төрийн шинэ намууд,  шинээр нэр дэвшигчдийн олонд таниг­дах боломж
бололцоог илт багас­гах тухай яригдаад байгаа.

Сурталчилгааны
хугацаа ердөө долоо хоног юмдаг уу даа. Долоо хоногийн хуга­цаанд ард түмэн тухайн
той­рогт нэр дэвшин өрсөлдөж буй шинэ хүмүүсээ таньж амжих уу. Зүс царайг нь харж
санал бодлоо солилцох нь бүү хэл, нэр усыг нь сайн тогтоож амжаагүй байтал өнөө
хугацаа нь дуусна. Яагаад ийм богино хугацаатай билээ гэж эрх баригчдаас ам асуухад
“Хөрөнгө үрээд яахав” гэсэн хариулт өгдөг. Ер нь сүүлийн үеийн Сонгуулийн хуулиудад
ийм л шалтгаанаар сурталчилгааг багасгаад, шинэ нам эвсэл, нэр дэвшигчдийн боломжийг
тас цохиж хязгаарлаад бай­гаа. “Хөрөнгө үрээд яах вэ” гэх улстөрчдийн үг эхэндээ
сэтгэлд нийцтэй сайхан сон­согд­дог байлаа. “Эдийн засаг хүнд хүчир цагт сон­гуульд
хамаг хөрөнгөө үрчихээр юу болох билээ” гэж бодоход хүргэдэг байв.  Олон нийтийн энэхүү сэтгэл зүй дээр улстөрчид
хэрхэн тоглолт хийхээ мэднэ л дээ. “Биднийг сонгох гэж баахан хөрөнгө үрээд юу хийнэ.
Та бүхний татварын мөнгө шүү дээ” гээд л. 

Гэвч
сонгуулийн тогтол­цоотой, ардчилсан чөлөөт сонголттой улс оронд засаг төрөө цогцлоон
байгуулахад сон­гууль явуулахаас өөр юу чухал юм бэ. Улс орны, ард иргэдийн хувь
заяатай холбоотой ийм амин чухал асуудалд хөрөнгө мөнгө хэмнэнэ гэдэг маш буруу
ойл­голт. Сонгуулийн сур­тал­чилгааны хугацааг долоохон хоногт эвхэнэ гэдэг чинь
юу гэсэн үг вэ. Ардчилсан төр ард түмнийхээ сонголтыг ингэж үл хүндэтгэж болох уу.
Сурталчилгааны хугацааг долоо хоног гэж хуульчлахын оронд харин ч уртасган элбэг
тавиухан болгож, түү­ний хэрээр хөрөнгө мөнгө төсвөөсөө гаргаж, шинэ нам, нэр дэвшигчдийг
түмэн олонд танилцуулах хэрэгтэй. Энэ нь сонгуулийн системтэй, ардчилсан улс орны
баримтлах нэг зарчим мөн байх.

Ер
нь “хөрөнгө хэмнэнэ” гэх нэрийн дор шинэхэн нэр дэвшигчдийг саарал ордны танхим  руу явуулахгүй гэсэн улстөрчдийн заль нуугдаж
буйг юманд наанатай цаанатай ханддаг хүмүүс гадарлаж л байгаа.  “Ард иргэдийнхээ, улс орныхоо хөрөнгийг хэмнэж
байна” гэх сайхан халхавчин дор сонгуулийн сурталчилгааг богиносгосны учир тэд өөрсдөө
л Монгол төрийн толгойд дахиад суух гэсэн атгаг санаа агуулсан хэрэг шүү дээ. Өөр
юу ч биш. Ард түмнээ, улс орноо бодсон хэрэг бүр ч биш л байхгүй юу

Урьд
өмнө нь дуулдаж бай­гаа­гүй, нэр усыг нь мэдэхгүй хүмүүс тухайн тойрогт нь нэр дэв­шээд
ирэхээр сонгогч олон болгоомжилж таарна. Үгүй дээ л гэхэд, “Энэ чинь юун нөхөр билээ”
гэж нэг нэгнээсээ асуух төдий өнгөрнө. Тэгээд “танихгүй бурханаас таньдаг чөт­гөр
дээр” гэгчээр ард түмэн хуучин “депутат”-аа дахиад сонгочихно. Ийм л арга залиар
манай улстөрчид төрийн толгойд байн байн суугаад байна. Тийм болохоор сонгуулийн
сурталчилгааны хуга­цааг сунгах хэрэгтэй гэж үзээд байна. Наад зах нь хоёр сар ба
түүнээс дээш хугацаатай болгож энэ удаагийн Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн
най­руул­гын төсөлд тусгуулмаар байна. Энэ тухай олон нийт хэлэлцүүлэг өрнүүлж нийгэмд
шуугиан үүсгэж дуулиан бол­гох хэрэгтэй. “Өдрийн сонин” “Асуух эрхийн танхим”-даа
Сонгуулийн тухай хуулиар хэлэлцүүлэг өрнүүлж ажлын хэсгийн ахлагч Их хурлын гишүүн
Р.Бурмаа болон намуу­дын төлөөллийг урьж хэв­лэл мэдээллээр олон ний­тэд хүргэсэн.
Үүн шиг нийтийг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлмээр байх юм.

АНУ-ын
Ерөнхийлөгчийн сон­гууль буюу Обама дахин ялалт байгуулсан сонгуу­лийг манай сонины
тусгай сурвалжлагч Э.Энэрэл газар дээрээс нь сурвалжилж бай­сан. Тэнд сонгуулийн
санал хураах өдөр ч гэсэн нэр дэв­шигч­дийн зургийг бариад зогсдог байна. Цэцэг
шиг гоёсон хүүхдүүд сонгуулийн өдөр санал авах байрны үүдээр нэр дэвшигчдийн мөрийн
хөтөлбөр болоод сур­тал­чилгааны хуудсыг тараагаад гүйдэг гэж байгаа. Сонгогч олныхоо
сонголтод ардчилсан орон тэгж л нөлөөлдөг юм билээ. 

Дөрвөн
жилд нэг удаа болдог сонгуулийн буянаар ард түмэн сонин хэвлэл, ном сэтгүүл, урлаг
цэнгүүнээр бялхаж байх учиртай. Алс буйд хөдөө газрынхан малчин, тариачин олонд
Монголын нэр цуутай домог болсон дуучид, хошин шогийн жүжигчид очиж тоглолтоо үзүүлдэг
байх нь чухал. “Тэр тэрийг амьдраар нь үзлээ, ямар бахархалтай юм бэ. Манай нэр
дэвшигч тэр тэр дуучныг авчирлаа. Бүр манай хотонд ирж дууллаа” гээд алс буйд нутгийнхан
гайхуулцгааж байг л дээ. Энэ талаасаа сонгууль гэдэг маш том баяр байх ёстой юм.
Хаврын хариг цагт сонгуулийн жил ард түмний минь нуруу тэнийдэг байх учиртай юм.

Тэр
жил Их хурлын дарга Л.Энэбиш агсны нөхөн сон­гууль Булган аймагт болж Бул­ганы­хан
ёстой л нэг алдартан гавьяатнуудаар хахаж билээ. Ардчилсан намаас Үүл баатар нэр
дэвшиж Со гавьяатаас аваад хэн хэнийг аваачсан ч гэдэг билээ, “Буян”-гийн Жагаа
тухайн үед өөрийн компанийн бөх байсан А.Сүхбат аваргыг аваачин шуугиан тарьж байсан.
Тэр чинь 2001 оны өвөл юм. Мөн “Эрэл”-ийн Эрдэнэбатын намын нэр дэвшигч “Хурд” хамтлагийнхныг
аваачин сумдын соёлын төвийг дэлбэ авах нь холгүй болж байсан. Нэг хэсэгтээ л Сүхбат
аварга тэргүүтэй урлаг соёл, спортын одуудтай авахуулсан ард иргэдийн зураг айл
бүхний жаазанд ярайж байсныг санах юм. Ийм л баяр бахдлыг төрүүлдэг баймаар байна.

Гэтэл
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн  35.15.2-т
“Биеийн тамирын уралдаан, тэм­­цээн, баяр наадам, урла­­гийн тоглолт зохион бай­гуу­лах,
түүнийг ивээн тэтгэх, хүлээн авалт, дайллага цайл­лага зэрэг сонгуулийн сурталчилгаатай
холбогдсон олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах”-ыг хориг­лоно гээд
заачихсан бай­даг. Мөн сонгуулиар хүүхэд хөгшид гэлтгүй бүгд нэг сайн эмчлүүлээд
авах юм уу, их хотод эрж сураад олддоггүй, оочер дараалал нь хэрээс хэтэрсэн нэртэй
төртэй эмч нарт үнэгүй үзүүлчих нь бас л чухал баймаар сан. Гэвч мөн л тухайн хуулийн
35.18.11-д “Сонгогчдын саналыг татах зорилгоор төлбөргүйгээр буюу хөнгөлөлттэй үнээр
ахуйн болон эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг явуулахыг хориглоно”
гээд заачихсан. Эрх баригчид эл бүгдийг тооцоолж иргэд рүүгээ сонгуулиа хандуулмар
байна. Өөрсдийнхөө эрх ашгийг ямагт  тэргүүн
эгнээнд тавьдгаа болих хэрэгтэй. Мэдээж шашны холбогдолтой зан үйл үйлдэх, мөнгө
тараах нь буруу юм байгаа биз. Бус­дыг нь зөвшөөрмөөр байгаа юм. 

Сүүлийн
үеийн Сонгуулийн тухай хуулиудад бас нэг заль байна аа. Энэ нь сонин хэвлэл дээр
сурталчилгаа явуу­лахгүй тухай нарийн заал­тууд. Яагаад заль гэж хэлсэн бэ гэхээр
улстөрчид сон­гуульд нэр дэвшин өрсөлдөж байх­даа юу юу ярьж, юу амлаж байсныг сонины
шар­ласан хуудас ам асуух шиг хэлээд өгдөг. Үүгээрээ сонин гэдэг цахим хуудас юм
уу, зурагт радиогоос үнэтэй. Сони­ны архив дөрвөн жилд байтугай дөрвөн зуун жилд
байж байдаг. Тийм болохоор улстөрчид эргээд ам асуулгахгүйн тулд сонин хэвлэлээс
зайлсхийж үүнийг хуульчилж байна л даа. Энэ бүхний эцсийн зорилго нь өнөө л шинэ
хүн гаргахгүй өөрсдөө сонгогдох атгаг санаа. Сониноор дамжиж л шинэ хүмүүс ард түмэнд
танигддаг байхгүй юу. Тэгэхээр тэд энэ сувгийг нь хааж байгаа хэрэг. Өнгөрөгч жилийн
Ерөнхийлөгчийн сонгуулиар сониныг зориуд тусгаагүй. Одоо бүр Сонгуулийн тухай хуулиндаа
сонинд гарахыг хориглох талаар хуульчлаад байж байна. Сонгууль тойр­сон энэ бүх
асуудлыг нийтээрээ хэлэлцмээр байгаа юм. Тэгж байж л шинэчилсэн найруулгын төсөлд
тусгуулна. Эцэст нь хэлэхэд сонгууль гэдэг бол бум бужигнаж бул­таа­раа хөдөлж байж  сонгодог боло­хоос булагнасан хэдэн улстөрчдийн
нэрээ дугуйлуулах гэсэн арга биш юм. Тийм учраас сонголт хийх хугацааг тавиухан
болгох хэрэгтэй.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

И.Одончимэг: Би хүний нөхөр салгаж олон хүүхдийн нулимс бараагүйдээ бардам байдаг

Монгол Улсын гавьяат жүжигчин Ишдоржийн Одончимэгтэй ярилцлаа.

 
-Танаас энгийн л асуулт асууж ярилцлагаа эхэлье гэж бодлоо.
Ийм нэг яриа гарсныг өөрөө сонссон байх л даа. “Оролцогч нь уйлаад байвал “Монгол
тулгатны зуун эрхэм”, хөтлөгч нь уйлаад байвал Одноогийн шоу, аль аль нь уйлахгүй
бол “Нандиагийн шоу” гэж. Ингэхэд та тийм эмзэг уяхан хүн үү?

-Би
багын л эмзэг хүүхэд байсан. Нэг их гоё бороо ороход уяраад уйлчихна. Ямар сайндаа
цэцэрлэгийн багш маань намайг “Бусад чинь инээж наадаад тоглож байхад чи хөгжим
сонсоод уйлж байх юм” гэж загнахав дээ. Би радиогоор “Амгалан дөлгөөн Хэрлэн минь”
гэх дууг сонсоод уйлдаг байсан нь тэр. Бүр цэцэрлэгийн хүүхэд байхдаа шүү дээ. Тэгэхээр
их л уяхан байсан нь тодорхой харагдаж байгаа биз.  Өөрийн тань хэлж буй яриа хөөрөөг сонссон л доо.

Би
бол сэтгүүлч хүн биш. Чингүүн найруулагч чухам яагаад намайг сонгож тийм нэвтрүүлэг
явуулах болсныг сайн хэлж мэдэхгүй байна. Гол нь миний өөрөөрөө байж чаддаг чанар
таалагдсан байж болох юм. Хүмүүс бол надад хэлдэг байсан. “Чи одоо уйлахаа болиоч,
зовлонтой юм” гэдэг. Эсвэл “Одноо, чи зүгээр л жүжигчнээ хийгээд яв. Чамд сэтгүүлчийн
авьяас байхгүй” гээд шууд хэлнэ. Зарим нь бас магтана. Ингээд сайн муугаар хэлээд
эхлэхээр чинь юм бодогдоно шүү дээ. Тэр үед төрөөд удаагүй байлаа. Бага охин минь
нялх байсан үе. Яагаад нэвтрүүлгээ больсон бэ гэхээр хүмүүсийн шүүмжлэлд биш юм.
Ерөөсөө охиноо л бодсон хэрэг. Тэр нялх амьтанд би бага цаг зарцуулдаг. Түүн дээрээ
нэмээд нэвтрүүлэг энэ тэрээ гээд явчихаар бүр хэцүү болоод эхэлсэн. Зовж зовж нэг
хүүхэд төрүүлчихээд ижийнхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй ингээд нэвтрүүлэг хөтлөөд,
амьтанд элдвээрээ хэлүүлээд явж байх гэж хэмээн бодогдсон. Тэгээд л больсон. Яах
вэ, хорин хэдэн хүнтэй сайхан ярилцсан байна. Саяхан хөдөөгүүр тоглолтоор явахад
хүмүүс тэр нэвтрүүлгийг маань их асууж байна лээ. Миний үеийн хүүхнүүд, надаас ах
хүмүүс л үздэг байсан болов уу.

-Та бол хүүхнүүд атаархам сайхан ханьтай хүн. Гэр бүл болж
байх үед бас хэцүү байсан байх. Их л хэл ам, яриа хөөрөөнд орж байж Бархүү та хоёр
ханилсан. Олон түмэнд хүндлэгдсэн урлагийн сайхан гэр бүл болсонд хувьдаа талархдаг…

-Их
баярлалаа. Олон хүн янз бүрийн л яриа хөөрөө гаргаж байлаа. Бас л шуугиан дунд,
олны хэл ам, доромжлол дунд явсаан. Хэцүү байсан үе бий. Үүнийг би юуг нь нуухав.
Гэвч бид хоёрын хайр, итгэлд тэр бүхэн хэрхэн нөлөөлөх билээ. Цаг зуурын юм байдаг
шүү дээ, үнэндээ. Жаахан тэсчихэд болдог. Бид хоёр гэр бүл болсноор нийгэмд ямар
ч хор хохирол учруулаагүй биз дээ. Сайхан л амьдарч байна. Хүмүүс “Ээ мөн тэнэг
хүүхэн юм аа, удахгүй чи хаягдана” гэж хэлж байлаа. Бархүүтэй ханилснаар надад алдсан
зүйл байхгүй. Харин ч би хожсон гэж боддог. Хүсч мөрөөдөж явсан хөөрхөн охинтой
боллоо. Ганц юм л хүмүүст таалагддаггүй шиг байгаа юм. Тэр нь Бархүүгээс би олон
насаар эгч юм байна л даа. Харин нэг зүйлийг бардам хэлэхэд, би хүний нөхрийг салгаж,
олон хүүхдийн нулимс барж энэ хүнтэй ханилаагүй. Ер нь тийм санаа бодлоор Бархүүг
сонгосон. Миний насны хүмүүс бүгд цаанаа амьдралтай, үр хүүхэдтэй байгаа. Бархүүгээс
өөр хүнтэй ханилсан бол нээрээ л хүүхдүүдийн нулимсыг барж, айл гэр үймүүлэх болно.
Тэгэхээр надад Бархүүгээс өөр сонголт байсангүй. Энэ сонголтыг минь зарим хүмүүс
хүндэтгэхгүй буруутгаж, дайрч доромжилсонд гайхдаг юм.                 

-“Х-ТҮЦ”-ийнхэн “Сэрүүн хасын нууц” жүжгийг тайзнаа дахин
тавихаар болсон. Найдандорж найруулагч болоод та хэдийн хамтын гурав дахь бүтээл
шиг санагдана?

-Тийм
ээ, манай бие даасан гурав дахь бүтээл. Санаачилсан гэдгээрээ шүү дээ. Түүнээс бид
шинэ шинэлэг олон жүжиг үзэгчдэдээ хүргэж байлаа. Тухайлбал, төрийн соёрхолт Д.Сосорбарамтай
хамтарч Айн Рэндийн хоёр ч жүжгийг тавьсан. Ер нь манайхны нэг бодлого, баримталдаг
чиг шугам байдаг. Тэр нь дорно дахины сонгодог жүжгийг сорчлон Монголын тайзнаа
тавьж, үзэгч олны хүртээл болгочих юмсан гэх бодол л доо. Миний бие наян есөн оноос
2000 он хүртэл Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажилласан. Тэр хугацаанд дэлхийн
сонгодог жүжгүүдэд олон ч тоглож байлаа. Сонгодог гэхээр дандаа өрнө дахины бүтээлүүд
байгаад байдаг. Таагүрийн бүтээлийг л нэг удаа тавьж байсан. Дорнын ард түмэн бичгийн
соёлын ямар их өвтэй билээ, тэдний амьдралыг үзэх үзэл гүн ухааны ойлголтууд үнэндээ
биширмээр. Энэ талаасаа өрнө дахинаасаа илүү санагдаад байдаг юм. Мөн дорнын гүн
сэтгэгчдийн бүтээлд тоглоход надад яагаад ч юм их ойр байдаг.

-Монголчууд дорнын соёлтой ард түмэн. Тиймээс танд ойр байх
нь мэдээж?

-Өөрийн
маань царай зүс, бие хаа тэр чигээрээ л дорнын бүсгүйчүүдийн үндсэн төрх байх. Ийм
учиг зангилааг бодож “Х-ТҮЦ”-ийн уран бүтээлчид дорнын сонгодог жүжгийг драмын урын
санд оруулахсан гэж эрмэлздэг. Өмнө нь Хятадын оргил бүтээлүүдийн нэг “Аянгын бороо”-г
тавьж байсан. Бас л нийгэмд шуугиан болж, драмын урлагт тийм нэг шинэ өнгө төрхийг
авчирсан болов уу. “Аянгын бороо”-гоос хойш бүтэн таван жилийн хугацаанд эрэл хайгуул
хийсний хүчинд “Сэрүүн хасын нууц” жүжгийн зохиолыг олж авсан. Чюн Яо гэж Хятадын
нэрд гарсан зохиолчийн бэсрэг романаас сэдэвлэсэн бүтээл. Хятад судлаач, орчуулагчидтай
уулзаж байж энэ зохиолчийг мэдэж авсан л даа. “Чюн Яогийн халуун” гэсэн яриа ч байдаг
юм билээ. Үндсэндээ түүний бүтээлүүд олныг байлдан дагуулж, жинхэнэ халууруулдаг
байсан хэрэг л дээ.

-Жүжгийн нэр ямар учиртай билээ?

-Сэрүүн
хас гэдэг чулууны нэр л дээ. Хүмүүний жинхэнэ мөн чанар болох үнэнч сэтгэлийн тухай
өгүүлсэн бүтээл. Өнөөдөр чинь манайд хүн чанар гэсэн ойлголт ховордсон бараа болоод
байна. Намайг оюутан байх үед нөхрөө Москва руу сургуульд таван жилийн хугацаатай
явуулчихсан хүүхнүүд зөндөө л байдаг байлаа. Тэд үнэнчээр хүлээдэг байсныг мэдэх
юм. Таван жил хүлээсний эцэст ханьтайгаа амьдраад аз жаргал гээчийг амсдаг л байсан.
Манай урлагийнхны амьдрал тийм л түүхээр явж ирээ биз дээ. Одоо бол гадаад руу ханийгаа
явуулчихаад үнэнчээр хүлээж суугаа эмэгтэйг олоход ховор. Би өөрөө бүсгүй хүн, ээж
хүн, ийм зүйл ярьж байгаа нь сонин санагдаж магадгүй. Гэхдээ амьдралын үнэн бол
энэ. Амьдралд үнэнч хандана гэсэн ойлголт өнөө цагт байхгүй болжээ. “Сэрүүн хасын
нууц”-ыг анх уншихад хамгийн түрүүнд ийм л зүйл мэдрэгдээд ирсэн дээ. Найдаа найруулагчдаа
дахин итгэл хүлээлгэж санал тавьсан. Өмнө нь “Аянгын бороо”, “Хориотой жүжиг”-т
хамтарч ажилласныг хэн хүнгүй мэднэ. Биднийг хамгийн гүн гүнзгий ойлгож мэдэрдэг
хүн бол Найдаа ах. Дүрүүдээсээ хамаарч төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд, гавьяат
жүжигчин Ш.Дэлгэржаргал, авьяаслаг залуу жүжигчин Н.Ялалт нарыг урьж тоглуулсан. 

-Та яриандаа хэллээ, Драмын театрт 1989-2000 он хүртэл ажилласан
гэж. Зарим нэг хүмүүс өөрийг тань арай л эрт театраас гарсан юм. Жинхэнэ өрсөлдөөн
дунд жаахан удаан байсан бол олон ч сонгодог дүр бүтээх байсан даа гэдэг. Харин
танд энэ тухай бодогдож байв уу?

-Театраас
эрт гарчихлаа гэж харамсах ч юм уу, тийм бодол надад огт төрж байгаагүй. Хэрвээ
театрт байсан бол би “Аянгын бороо”-нд, “Сэрүүн хасын нууц”-д тоглохгүй, “Сэргээш-3”-ыг
найруулахгүй л байхгүй юу. Ингэж задгай өөрийнхөөрөө ажиллаж чадахгүй байх байсан.
Харин ч театраас гарснаараа маш их өрсөлдөөн дунд орсон гэж боддог. Бусад продакшнуудад
авьяаслаг уран бүтээлчид байна. Тэдэнтэй би энэ талбарт жинхэнэ өрсөлдөж байна.
Театрт бол яах вэ, найруулагчийн “хоол”-ыг л хүлээж суудаг. Найруулагч ямар дүр
өгөх нь вэ, түүнийг хүлээнэ. Юм өгөхгүй бол хоосон сууна. Гэхдээ театрт байсан он
жилүүд миний амьдралд маш том орон зайг үүсгэсэн. Уран бүтээлчийн минь хувьд хүн
болгосон газар. Олон ч шөнө нойргүй хонож уран бүтээлийн ард гардаг байлаа. Монголын
нэгэн үеийн сор болсон жүжигчидтэй нэг тайзан дээр арван жил болно гэдэг бахархал.
Олон сайхан дүрээ орхиод тэндээс би гарсан. Гарахад үнэндээ амар байгаагүй. Би чинь
театраасаа уйлж гарсан хүн шүү дээ. Найдаа найруулагч, Онон хоёр гараас минь чирээд
гаргаж байлаа. Хичнээн уйлж унжиж, тэр хоёрт чирэгдэж явсан ч гэсэн “Би эндээс гарах
нь зөв” гэх бодол далдхан төрж байсан хэрэг. Хийж бүтээж, амьдралынхаа төлөө зүтгэн
хөдөлмөрлөх гэж эндээс гарч байгаа юм шүү гэдэгтээ итгэлтэй байсан. Гэвч театраасаа
сэтгэлээ салгана гэдэг, хувь заяагаа салгана уран бүтээлч хүнд хэцүү. Арван жилийн
хүч хөдөлмөр, авьяас билэг, нойр хоол, залуу насны гэрэл гэгээгээ харамгүй өгсөн
тайзаа харахад хоргодох сэтгэл бас төрдөг л юм билээ.

-Театрт хэн хэнтэй нэг өрөөнд байсан бол?

-Бидний
үеийн долоон бүсгүй байлаа даа. Одоо бүгд олны танил нэртэй уран бүтээлчид болжээ.
Манай Өлзийхүү, Оюундарь, Эрдэнэцэцэг, Энхтуул байна. Мөн “Хувьсал” продакшны Цогоогийн
гэргий Урнаа, Сугар багшийн охин Болормаа бид байна даа. Биднийг театрын босго алхаж
байхад Цэрэнпагма гэж ямар их авьяастай мундаг жүжигчин байв аа. Түүнийг жүжигт
дүр бүтээж байгааг дэргэдээс нь хараад өөрийн эрхгүй огшдог байлаа. Цэрэнпагма эгч
шиг л жүжигчин болно, түүн шиг жүжиглэнэ гэж боддог, мөрөөддөг байлаа. Түүнийг зарим
үед дүрдээ тоглохгүй өнжвөл би оронд нь ингэж тоглоно гээд дүрүүдийнх нь үгийг цээжилдэг
байлаа. Тэгээд энэ үгийг, энэ үйлдлийг гаргахдаа хэрхэн яаж хувирч байна, харц нь,
зүс царай нь яаж өөрчлөгдөж байна гэдгийг нэгд нэгэнгүй гаргах гэж эрмэлздэг, даган
дуурайдаг байлаа. Бидний үеийн эмэгтэй жүжигчдийг өсч бойжиход “Галзуу Цэвэл” Цэрэнпагма
эгч л үлгэр дуурайл болдог байлаа. Ингэхэд жүжигчид үе үеэрээ төрдөг юм билээ. Өнөөдөр
Өлзийхүү шиг, Оюундарь, Энхтуул шиг хүүхнүүд байна уу, дүйцүүлээд аваад үзэхэд үнэндээ
алга байна. Зөвхөн хүүхнүүд ч гэлтгүй манай хошин урлагт Аглуу, Амбий, Бооёо, Хүрлээ,
Эрдэнэзаан, Мөнхсайхан, Онон шиг залуучууд байна уу. Эд хэдийн чинь нас явж байна.
Гэвч дараа үе нь гарч ирэхгүй юм. Мэдээж хошин урлагт хөл тавьж буй залуучууд зөндөө
байна. Гэвч энэ хэд шиг гоц гойд хүмүүс алга. Хорин хэдтэй залуучууд мандан гарч
ирээд тэр л эрчээрээ өнөөдрийг хүрлээ. Энэ хэдийгээ харахад “Яалт ч үгүй  авьяас чадвар гэж байдаг юм байна” гэх бодол төрдөг
шүү. Өлзийхүү бид хоёр шиг эмэгтэй жүжигчид гарч ирэхгүй байна даа.   

-Найруулагчдын арга барилын талаар асуумаар байна. “Говийн
зэрэглээ”-гийн Арслан буюу Доржсамбуу агснаас аваад та олон найруулагчийн гар дамжсан
хүн?

-Би
чинь театрт орохын өмнө Хүүхэд, залуучуудын театрт И.Нямгаваа найруулагчийн удирдлагад
байсан. Нэг жил зургаан сар болохдоо 12 жүжигт дүр бүтээсэн байдаг. Энэ хугацаанд
их зүйлийг сурч авсан. Нямгаваа найруулагч үнэндээ тэсрэлттэй хүн. За тэгээд Гаваа
найруулагчаас улбаалаад олон ч найруулагчийн гараар орсон. Уран бүтээлчид бид бол
зуураад орхичихсон гурил, эсвэл зуурмаг шавран баримал шиг хүмүүс. Биднийг хэрхэн
яаж элдэж, яаж сунгаж, дарайлгаж таслахаа найруулагчид л мэднэ. Баримлаар янз бүрийн
дүр хийж болдог шиг биднийг яаж ч өөрчлөх эрх гагцхүү найруулагчид байдаг. Юу чиг
хийсэн уран бүтээлчид бэлэн байх ёстой. Тийм л чадвар чансаа, авьяас билэг нэвт
шувт байх учиртай.

-Өөрийгөө бүрэн шавхаж дотроосоо асч бадарч гаргасан дүрүүдээсээ
ярихгүй юу. Хамгийн их зовоож тарчлаасан юм уу, хамгийн их нэр хүнд авчирсан дүрүүд
тухайн уран бүтээлчийнхээ сэтгэлд үлдээд байх шиг санагддаг?

-Миний
бие тоглосон дүрүүдээ сайн муу гэж нэг их ялгаад байдаггүй. Бүгдэд нь сэтгэлээ өгч,
өөрийгөө шавхан, боломж бололцоогоо гаргаж бүтээсэн. Харин ур чадварын хэмжээнд
ямар болсон нь үзэгчид болоод судлаачдын үнэлгээгээр тодорхойлогдох байх. Цаг хугацаа
гэж нарийн шүүлтүүр хэлээд өгнө. Ерэн гурван онд театрт ороод удаагүй байхдаа хамгийн
анх авсан гол дүр минь “Өрлөг жанжны өчил” жүжгийн Чойбалсангийн эхнэр Бортолгойн
дүр байсан. Маршалын эхнэрийн дүрд тоглоход би хорин хэдтэй хүүхэд байж. Бортолгой
гэдэг дүр маань надаас хамаагүй эгч нас тогтчихсон хүн. Тухайн дүрд одоогийн ардын
жүжигчин С.Сарантуяа болон Долгорсүрэн нар л тоглоно гэж яригдаж байсан. Гэвч дүр
хуваарилахад Доржсамбуу найруулагч надад өгчихсөн юм. Театрын уран бүтээлчид шууд
“шок”-нд орж, “Энэ жаахан охинд яахаараа ийм дүр өгдөг билээ” гэж эсэргүүцэж байсан.
Доржсамбуу найруулагч “За яах вэ, яаж тоглохыг нь бүгдээрээ харъяа” гэж билээ. Энэ
дүр намайг тухайн үедээ шилдэг болгож байсан. Бирваагийн Мөнхдорж гэж дэлхийн сонгодгуудыг
Монголынхоо тайзнаа тавьсан гарамгай найруулагчийн бүтээлүүдэд дүр бүтээж байсан
минь бас л бахархал юм даа. Мөнхөө багш Нобелийн шагналт, урлаг утга зохиолд шинэчлэл
хийсэн, өвөрмөц сонин сэтгэлгээгээрээ тухайн үедээ үзэгдэл болж байсан зохиолч сэтгэгчдийн
бүтээлүүдийг Монголын ард түмэнд хүргэсэн гавьяатан шүү дээ. Сартрын “Оршуулаагүй
үрэгдэгсэд” гээд олон сонин зохиол байна.   

-Танай удамд урлагийн хүн байдаг уу. Өөрөө ингэхэд яг хаана
төрсөн юм бэ. Аав тань бол Төв аймгийнх гэж сонссон юм байна?

-Манай
удамд урлагийн хүн байхгүй. Би л сэтгэл зүрхнийхээ дуудлагаар урлагт хөл тавьсан.
Авьяас удамшдаг эсэхийг сайн мэдэхгүй юм. Манай Аглуу гэхэд аав ээж нь урлагийн
хүмүүс биш. Миний төрсөн газар Өвөрхангай аймгийн Арвайхээр хот. Хотын төвийн хойхно
байдаг Дэлгэрэхийн булаг гэж сайхан нэртэй газар мэндэлсэн байдаг. Аав маань Төв
аймгийн Дэлгэрхаан сумын хүн. Бүх л насаараа жолоо барьсан эгэл жирийн хүн байлаа.

-Танай охин ээжтэйгээ зөрж байгаад жүжигчний мэргэжил эзэмшсэн.
“Тагнуулч аав” кинонд та охинтойгоо тоглосон байдаг. Том охины тань талаар асуух
гэсэн юм?

-“Тагнуулч
аав” киноны жижигхээн хэсэгт би дүр бүтээсэн. Манай урлагийнхан хүүхдүүдтэйгээ хамт
тоглосон кино гэдгийг хүмүүс мэднэ. Охин маань яахав, надтай зөрж байгаад жүжигчний
мэргэжил эзэмшсэн. Би урлагийн зам руу битгий ор гэж зөндөө хэлээд бараагүй. Урлаг
гэдэг бол бас л харгис шүү дээ. Хүн харахад жигтэйхэн инээд алдсан, наргиж цэнгэсэн
хүмүүс байдаг. Яг мөн чанартаа тийм биш юм. Ялангуяа эмэгтэй хүнд бүрчиг хохиролтой.
Урлагийн бүсгүйчүүдээ хар л даа. Хичнээн нь гэр бүлгүй байна. Хань нь болж, энгэрийн
нь түшчих эр хүн олдохгүй л байдаг. Үнэнийг хэлэхэд, ямар л эр хүн эхнэрээ хар шөнөөр
ирээд үүрээр гарч явахыг зөвшөөрөх билээ. Бид бол жаргалаараа зовж яваа хүмүүс.
Жүжигчин гэдэг маш хүнд хөдөлмөр юм гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн хүний хувьд
охиноо энэ зам руу битгий орооч гэж гуйж байсан. Авьяас багатай бол бүр хэцүү. Яг
үнэндээ уран бүтээлчид бид доромжлолын дунд, олны атаа жөтөө, хар хорын дунд амьдардаг
байхгүй юу. Гэвч охин маань нэг л үг хэлээд амыг минь тагласан. “Өөрийнхөө хүсэл
зоригоор амьдарч буй хүнийг та аз жаргалтай хүн гэж хэлдэг биз дээ, ээж ээ. Би өөрийнхөөрөө
амьдаръя” гэж хэлсэн.

Ярилцсан

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Ганцаараа идвэл “Ганц худаг”-ийн парламентад, олуулаа идвэл ордны парламентад

Олуулаа
идсэн улс орд­ныхоо парламентад суугаад л байдаг юм шиг байна. Олуу­лаа иднэ гэж
саарал ордонд сууж байгаа төрийн түшээдээ хэлээд байна л даа. Эрхэм түшээдийн сонгогдсон
тойрогт тухайн гишүүний саналыг үндэслэн мөнгө зарцуулахаар төсөвт тусгайлан суулгаж
батлах болсон. Нэг гишүүнд анх 10 сая төгрөг өгч байлаа. Тэр чинь 2004 он. Н.Энхбаярын
засгийн үед гишүүдийн мөнгө гэх зүйл ийнхүү батлагдсан түүхтэй. Энэ мөнгө 2006 онд
100 сая, 2007 онд 250 сая, 2008 онд 500 сая, 2009 оноос нэг тэрбум болтлоо өсч үржсэн.
Үндсэндээ анхны дүнгээсээ 100 дахин үржсэн байдаг.  “Одоо чинь бүр таван тэрбум болсон шүү дээ” гэж
зарим хүмүүс барим тавин хэлдэг л юм. Уг дам яриа үнэн худлыг мэдэхгүй. Мөн биш
нь цаасан дээр харагддаггүй. Гэхдээ ямар чиг байсан манай түшээд өөрсдөдөө тэрбум
тэрбумаар нь мөнгө төсөвлөөд, түүнийгээ яралзтал гар өргөн, кноп даран баталж ирсэн
нь шинэ үеийн парламентын он дараалалд бичигдэх нь тодорхой.  

“УИХ-ын
гишүүд тойрогтоо зарцуулах мөнгийг өөрсдөө идлээ” гээд нийгэм шуугихад, “Тийм зүйл
байхгүй. Гишүүдийг ор үндэслэлгүй гүтгэж байна, гишүүнийхээ мөнгийг үнэнч шударгаар
тойргийнхоо сонгогчдод тараасан” гээд захын гишүүн гомдол мэдүүлнэ. Тэгээд л төрийн
түшээдийн нэр төрд зориудаар халдлаа энээ тэрээ болоод явчихна шүү дээ. “Гишүүдийн
мөнгө” гэх өнөө төсөв рүү жаахан хатгаас өгөхөд зүрх рүү нь зүүгээр шивж байгаа
юм шиг чарлаад босоод ирдэг. Тэдний мөнгөн дүнгийнх нь зарцуулалтад тавих хяналт
гэж ямар байх биш. Гишүүд өөрсдөө бол тойрогтоо зарцуулсан гэх тайлангаа гаргадаг
байх. Ийнхүү ултай суурьтай, баримттай аваад үзэхээр гишүүд тэр мөнгөнийхөө хувьдаа
хэрэглэдэг гэх гаргалгаанаас өөр өөр зүйл, үзүүр гогцоо харагддаггүй нь хачирхалтай.
Үнэнийг хэлэхэд тэд тойрогтоо төсөвлөсөн мөнгөө өөрсдөө идчихдэг гээд байгаа юм
даа. Гишүүдийн мөнгө 10 саяасаа нэг тэрбум болтлоо гэрлийн хурдаар өсөхөд одоогийн
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их хурлын гишүүн байхдаа маш их эсэргүүцдэг байв. “Гишүүдэд
хуваарилсан тэрбум бүү хэл, нэг ч төгрөг байх ёсгүй” гэж төвийн сонин хэвлэлүүдэд
ярилцлага өгч байсан. Л.Гүндалай мөн л эсэргүүцэж “УИХ-ын гишүүдэд өгч буй авлига”
гээд “Их хурлын гишүүд гэдэг чинь хөрөнгө мөнгийг төсөвлөж баталдаг болохоос зарцуулдаг
этгээд биш” гэж мэдэгдэж байсан. Үндсэн хуулийн Цэц хууль зөрчсөнийг ч сануулж байсан.
Гэвч мөнгөндөө улайрсан түшээд “Орон нутгийн хөрөнгө оруулалт” гэсэн нэрээр төсөвт  багтаан батлуулсаар ирсэн түүхтэй.

Гишүүд
тойрогтоо мөнгөө хэрхэн зарцуулж байсныг одоо эргээд саная. Жишээлбэл, 10 сая төгрөг
өгч байх үед манай төрийн түшээд яадаг байсныг бид гадарлана. Эрээний зах дээрээс
хятад хөгжим бөөндөж аваад сумдын соёлын төвүүдэд тараадаг байлаа. Нэг жил сайндаа
хоёр, гурван сумын соёлын төвд л хятад хөгжим өгдөг байсан байх. Тэгээд л нэг жилд
тойрогтоо зарцуулах арван саяын ажил гүйцээ. Хятад хөгжмөөс Эрээний захаас дээд
тал нь нэг сая төгрөгөөр л бөөндөж авдаг байсан биз. Ингээд үлдсэн есөн сая нь тухайн
гишүүний халаас руу гулсаж байгаа хэрэг. Тэгж л дуулддаг байсан.

Одоо
бол төрийн түшээд маань арван сая биш хэдэн тэрбум төгрөгийн эрх мэдэлтэй болсон.
Хуучин шигээ хятад хөгжим шахахаа лав больсон байх. Гэхдээ ууж идэх, хувьдаа завших
арга нь улам нарийссан нь тодорхой. Өнөөдөр гишүүд тэрбум төгрөгөө тухайн тойргийнхоо
сумдад болоод дүүргүүдэд хэрхэн яаж зарцуулж байна вэ гэхээр ингэж зарцуулдаг болсон
байна. Юуны түрүүнд тухайн тойрогтоо объект худалдаад авчихдаг юм уу, нэг байшин
бариад авдаг болжээ. Гишүүний мөнгөөрөө шүү дээ. Байшингаа анх барихдаа сургууль
байгуулна, төчнөөн хүүхдийн цэцэрлэг байгуулна, аль эсвэл өрхийн эмнэлэг байгуулна
гэж ард олны сэтгэл зүй дээр жаахан тоглолт хийгээд объекттой болоод авч байгаа
юм.

Гишүүний
хөрөнгөөр боссон уг барилга байгууламж орон нутгийн өмчид харьяалагддаггүй. Тухайн
гишүүний мэдлийн, төрийн мэдлийн өмч болдог. Гишүүд тэрхүү объектыг голдуу төрөл
садан, хамаатныхаа хүмүүсийн нэр дээр худалдаад авах юм уу, хэн нэгэн хүний өмч
мэтээр бий болгочихдог.

Ингээд
тэрбум  төгрөгийнхөө зарцуулалтын хүрээнд
бий болгосон объектоо өөрөөр нь зардлыг нь нөхүүлнэ дээ. Үүнийг эрхэм түшээд тэнэг
биш учраас эрхбиш мэдэлгүй яахав. Объект өөрөө мөнгөө олно гэдгийг бүгд гадарлаж
байгаа байх. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг нэртэйгээр баригдсан барилга нэг л мэдэхэд
цайны газар, ресторан, буудал, биллъярд, дэлгүүр болоод хувирчих нь.

Үйлчилгээний
газар болоод ирэнгүүт зарим нь түрээслээд, тэгээд л сонгогчид өөрсдөө орлого оруулах
ажлыг нь хийнэ биз дээ. Манай гишүүний байгуулж өгсөн ресторан буудал гэж саймшраад
л, караокед нь шөнөжингөө дуулалдаад эхэлнэ. Тухайн объект зардлаа богино хугацаанд  ингэж нөхөж гишүүдийн тэрбум төгрөг буцаж халаасанд
нь орж байгаа юм. Тэгээд зогсохгүй гишүүд тухайн тойрогтоо хувийн үйлчилгээний газартай
болж буй хэрэг. Ёстой нөгөө “хонь бүтэн, чоно цатгалан” гэдэг чинь энэ. Манай төрийн
түшээд ингэж л олуулаа идэцгээгээд ордныхоо парламентад өдөр шөнөгүй хуралдаад,
чуулаад л байж байна.     

Харин
ганцаараа идвэл “Ганц худаг”-ийн парламентад гэдэг нь төрийн хариуцлагатай өндөр
алба хашиж байсан эрхмүүд ганцаараа идсэнийхээ “шагнал”-д “Ганц худаг”-ийн парламентад
буюу Туулын хөвөөн дээр “чуулах” болсныг хэлээд байгаа юм. “Ганц худаг”-ийн парламентад
өнөөдөр хэн хэн сууж байгааг  бид мэднэ. Тухайлбал,
Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл
байна. Яамны төрийн нарийний албыг хашиж голомтод нь сууж байсан тэрээр ганцаараа
идээд л буруудсан. Улсын төсвийн хөрөнгөөс 
нэг тэрбум 720 сая төгрөгийг тендер нэрээр хувьдаа завшсан гэдэг нь шүүхээр
нотлогдоод Туулын хөвөө рүү яваад өгсөн. За тэгээд Татварын ерөнхий газрын дарга
нарын хэрэг байна. Тус газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх мөн л албан
тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэргээр шүүхээс найман
жилийн ял сонсоод байгаа. Ганцаараа идсэний гор нь гарч байгаа нь тэр.

Ашигт
малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг нарын хэрэг гэж эцэслэгдэж өгдөггүй,
дахин дахин задарсан хэрэг байх юм. 2012 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт нэр
дэвшин өрсөлдөхөөр бэлдэж байсан тэрээр ганцаараа идсэний балгаар саарал ордны парламент
руу бус Туулын хөвөөн дэх “парламент” руу очсон. Ашигт малтмалын тухай холбогдох
заалтуудыг зөрчин сонгон шалгаруулалтаар олгох ёстой нийт 100 гаруй тусгай зөвшөөрлийг
бусдад сонгон шалгаруулалтгүй олгосон хэмээн буруутгаж Д.Батхуяг болон тус газрын
Геологи, уул уурхайн кадастрын даргаар ажиллаж байсан Л.Даваацогт нарт ял оноогоод
байгаа. 

За
ингээд МИАТ-ийнхний хэрэг гээд албан тушаал, авлига хээл хахуультай холбоотой хэргүүд
үргэлжилнэ. Бүгд л шүүхээс буруутай нь тогтоогдоод байгаа. Ийнхүү Монголын төрд
өндөр алба хашиж эрх мэдэлтэй байсан дарга даамлууд маань Туулын хөвөөн дэх “парламентад”
бүхэл бүтэн танхим үүсгэхээр олуулаа болон хүрээгээ тэлж байна. Энэ бүгдийг анзаарч
ажиглаж суугаа ард түмэн тэднийг “Ганц худаг”-ийн парламентынхан гэж хошигнож шоглодог
болсон байна лээ. Тэгэхээр олуулаа идсэн нь ордны парламентад, ганцаараа идсэн нь
“Ганц худаг”-ийн парламентад суудаг болжээ. Энэ янзаараа бол “Ганц худаг”-ийн парламент
ойрын хэдэн жилдээ л лав гишүүдээр дутахын зовлонгүй “чуулах” биз ээ. Сонгууль болгоны
дараа үүсэх сөрөг хүчнийхний чуулдаг газар тэнд болоод байгаа. 

Н.ГАНТУЛГА  

 

Categories
редакцийн-нийтлэл

Монголчуудыг “Монел” зурагттай анх уулзуулсан Шархүүгийн Ялалтынд өнжлөө

1974 онд хоёулаа байсан бол 2014 онд арвуулаа болоод байна

Ерээд оны эхэн үед “Монел” нэртэй өнгөт зурагт гарч тухайн үедээ
шуугиан болж байсныг бид мэдэх билээ. Мэ­дээлэл технологийн бааз суурь тэр бүр батжаагүй,
хар цагаан зурагт ноёлж байсан цагт монголчууд өөрсдөө компьютер бүтээж, өнгөт зурагт
угсарна гэдэг үнэндээ үзэгдэл байсан болов уу. Ёстой л нөгөө шинэ дэвшил гэдэг чинь
тэр байсан биз. “Монел” зурагт манайханд итгэл үнэмшил өгч бид баяжих нь бусад улс
орнуудын жишигт хүрэх нь гэх өөдрөг сэтгэл, сэтгэлгээ төрж, ирээдүй рүү тэмүүлж
эхэлсэн нь дамжиггүй. Үүнийг өгүүлсний учир эл удаа “Монел”-ийг монголчуудтай анх
уулзуулсан Шархүүгийн Ялалтынд өнжсөн юм. Гэрт нь хүрч очлоо. Гэргий нь зөөлхөн
дуугарч мэндчилээд, “Өвгөөн, сонины хүмүүс ирлээ” гэж  мэдэгдэв. Гэрийн эзэн ажлынхаа өрөөнд баахан бичиг
баримтын дунд толгой өндийх ч завгүй сууж байна. Ихэвчлэн оросоор бичиглэсэн материалууд
харагдана.

Ялалт гэж жар
эргэм насны бололтой сахалтай эр. Явцын дунд далан насны даваан дээр гарч ирж буй
гэдгийг нь мэдсэн юм. Эхлээд бол жар орчим настай гэмээр л санагдсан. Мэнд усаа
мэдэж  энэ тэрхэнийг ярилцах зуурт “Гавьяатын
цайллагаа хийгээд удаагүй байна аа” гэх үг гэрийн эзний амнаас гараадахав.

Тэрээр 2013 оны сүүлээр Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны
ойн үеэр Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулжээ. Гончигоо
дарга баяр хүргээд, Ялалт гавьяат суга таягтай инээмсэглээд зогсож буй зураг ажлынх
нь өрөөний ширээн дээр байсан. Мань хүн гавьяатаа авах үедээ хөлөндөө жаахан бэртэл
авсан юм билээ.  “Монголчууд энэ олон жилийг
туулахдаа ганц ч олигтойхон үйлдвэргүй байгаа нь үнэндээ эмгэнэл юм. Хоорондоо хагаралдаад
л нэг нэгнээ намчирхсан байдлаас үгүйсгээд л, ажил хийж буй нэгэндээ дандаа чөдөр
тушаа болж ирсний гор өнөөдөр л гарч байна. Энэ их нүүрс байхад бензин шатахуунаар
бусдаас хараат байна гэдэг гайхмаар юм” гээд л ярьж эхлэх нь тэр.

Аргагүй л юмыг хийж бүтээж, хариуцлагыг нь хар толгойгоороо үүрч
сурсан хүний үг дээ гэх зүйл бодогдох зуурт цаад өрөөнөөс гэрийн эзэгтэй орж ирээд
“За манай хөгшин бензин шатахуунаа л ярьж байна уу. Сүүлийн хоёр жил энэ хүний амнаас
“нүүрс, бензин” гэх хоёр үгийг л сонсох болсон” хэмээн нөхөр рүүгээ харж инээмсэглээд
гал тогооныхоо өрөөнд орохыг урилаа.

Ялалт гавьяат “Бүхнийг чадна дийлнэ, болгоно бүтээнэ гэх сэтгэл
зүй л манайханд дутаад байх шиг байна. Намайг чинь наяад оны эхээр компьютер үйлдвэрлэнэ
гээд ярьж байхад ойр тойрны хүмүүс, Ялалт минь наад чинь яагаад ч бүтэхгүй санал
санаачилга, эсгий оймсоо хийж чадахгүй байгаа хүмүүст чинь элэнцэгнийх нь компьютер
вэ. Тэрийг чинь Орос, Америк гэсэн улсууд л хийдэг байх. Тэгж өөрийгөө зовоогоод
яахав гэдэг байлаа. Өнгөт зурагт угсарна гээд давхитал “энэ Ялалт бүр мэдрэл нь
муудчихаж, Шар хаданд хэвтүүлбэл таарна” гэх ухааны юм ярьж байсан. Гэвч би чадна,
манай инженерүүд юуг ч бүтээнэ, монгол хүний оюун ухаан гэж өөр юм байх ёстой гэж
дайраад л бүхнийг болгосон” гэв. Гал тогооных нь өрөөнд ширээг нь тойрч суугаад
хөгшнийх нь гарын хоолыг идэнгээ Ялалт гуайгаар анх компьютер бүтээсэн түүх, за
тэгээд алдарт “Монел”-ийнх нь үүх түүхийг нэгд нэгэнгүй яриулсан юм.   

“Монел зурагтны түүхээс өмнө Монголд анх компьютер үйлдвэрлэж
гадаад руу экспортолсон электроникийн лабораторийн түүх бичигдэх учиртай” гэснээр
манай хүн яриагаа эхлэв. “1974 оны хавар Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн
тушаалаар гадаад электроникийн лаборатори гэж байгуулагдсан. Радио электроникийн
лаборатори шүү дээ. Тэгээд л радио электроникийн салбарт ганц нэг багаж өөрсдөө
үйлдвэрлэдэг болъё гэсэн зорилт тавьсан хэрэг л дээ. Ингээд манай лаборатори дууны
өсгөгч, дохиоллын багаж гээд хэд хэдэн нарийн технологийг хийж эхэлсэн. Далан долоон
оноос Унгар, Болгар, Чехословак, Польш зэрэг орнуудтай хамтарч ажиллаж эхэллээ.
Тэр үеэс улам шат ахиж  электроникийн жижиг
үйлдвэртэй болъё гэсэн  зорилт өөрийн эрхгүй  тавигддаг юм аа. Уг үйлдвэрийн багаж төхөөрөмжөө
хуучин Зөвлөлт социалист улсууд болоод баруун Герман зэргээс л авч байгаа. Тэгээд
ЗХУ-д мэргэжилтнүүдээ сургаад анхны үйлдвэрийн 
суурь ч тавигдаад эхэлсэн. Компьютерийн гэдэс дотор болох Motherboard буюу
эв хавтан гэж бий. Тэр хавтанг өөрсдөө үйлдвэрлэх хүчин  чадалтай болоод авлаа. Өөрсдөө зураг төсөл, дизайныг
нь гаргаж олон мянган хувь үйлдвэрлэсэн. Зүгээр нэг гар аргаар үйлдвэрлэх биш автоматжуулсан
хүчин чадлаар явуулах шугамыг оруулж ирсэн юм. Түүний үндсэн дээр л өнөөдрийн мэдээлэл
технологийн сургуулиудын бааз суурь тавигдсан. 1980-аад оны үед ЗХУ, Монгол Улсын
шинжлэх ухааны академийн хооронд гэрээ байгуулаад Монгол Улс анх удаа гадаад руу
электрон багаж гаргаж эхэлсэн түүхтэй. Энэ түүхийг бид бичилцсэн дээ” хэмээн өгүүлэх
нь тэр ээ.

“Монел”-ийн үйлдвэрлэсэн Монголын анхны компьютер Хүрэлтогоот
дахь Олон улс судлалын хүрээлэнд байдгийг дуулсан учир Ялалт захирлаас лавшруулахад,
тийм юм аа. 001 гэсэн улсын бүртгэлийн дугаартай компьютер манай олон улс судлалын
хүрээлэнд байдаг. Уг компьютерийн үнэ ханш бүр л өсөөд байгаа юм гэсэн. Олон хүн
худалдаж авч өөртөө түүх болгон үлдээхийг эрмэлздэг юм байна л даа. Гэвч тухайн
хүрээлэнгийнхэн зардаггүй юм билээ гэв. Ийнхүү Ялалт гавьяаттай ийн хууч хөөрч суутал
гаднаас нэг хүн орж ирэв.

Гэрийн эзэгтэй Бүжээ эгч “Төрөө ирж байна аа” гэж нөхөртөө хэлэхэд,
гэрийн эзэн “Аа манай өвгөн партизан ирж байна” гээд үл ялиг инээвхийлэв. Удаа ч
үгүй буурал толгойтой нэгэн эрхэм ороод ирлээ. “Анхны компьютер, өнөө  өнгөт зурагтыг чинь гардан хийсэн хүн энэ дээ.
Нэрийг нь Төрбаатар гэдэг юм” хэмээн хуучин захирал нь танилцууллаа. Гэрийн эзний
томъёолсончлон “өвгөн партизан” маань “Монголчуудыг өнгөт зурагт үзүүлэх гэж хар
халимгаа буурал болтол, халиурсан үсээ урдаасаа халцартал, энэ хүний чинь удирдлага
дор зүтгэлээ шүү дээ” гэж хэлээд шуудхан яриа хөөрөөнд оролцоод эхэлдэг юм. Төрөө
инженер одоо “Номин холдинг”-ийн “Монел” үйлдвэрийн дарга юм байна. Үндсэндээ гал
голомтоо сахиад үлджээ. Ерээд оны дундуур “Монел” компанийг хувьд шилжүүлэхэд “Номин”
Баярсайхан дуудлага худалдаагаар авсан байдаг. Зарагдсан морь эмээлтэйгээ очих адил
Төрөө инженер анхнаас нь зүтгэсэн Монелийнхоо голомтыг сахиад “Номин” руу явсан
нь тэр ажээ. “Энэ хэд бүтэн 24 цагаар ажиллана. Гэр бүлийнх нь хүмүүс л цай хоолыг
нь зөөдөг, ээлжээр очдог байлаа” гэж Бүжээ эгч цай цүй болж байх зуураа өгүүлээд
авсан.

Японы “Жи Ви Си” (JVC)компанитай хамтарч “Монел” өнгөт зурагтыг
Монголд угсарсан түүхийг Төрөө инженер Ялалт захирлынхаа үүрэгдсэний дагуу ийн өгүүлсэн.  “Өмнө нь компьютерийн багаж төхөөрөмжүүд гадаад
руу экспортолж байсан бидэнд өнгөт зурагт угсрах нэг их хүндрэлтэй байгаагүй.
1986 онд байна уу даа, Ялалт захирал Тайландад очиж Японы “Жи Ви Си” компанийн хүмүүстэй
гэрээ байгуулсан. Тэгээд дараа нь миний бие Жаргалсайхан, Сонинбаяр, Балжинням гэсэн
гур­ван инженер нөхдийн хамтаар Японд очиж өнгөт зурагт үйлдвэрлэх ажил­тай нь биечлэн
танилцсан юм. Наян найм, есөн оны үе шүү дээ. Одоо эргээд бодох нь ээ, “соёлын шок”
гэдэгт өөрийн эрхгүй автаж байлаа.

Өмнө нь би Орос руу л очиж байсан хүн юм. Үйлдвэрийн дамж­лага
бааз дээр ажлаа гүйцэтгэж байгаа инженерүүдтэй бүтэн сар ажиллаж багагүй туршлага
суулаа. Ингээд “Жи Ви Си” компанийн “Си 1480” гэдэг загварыг сонгоод Мон­голд угсрахаар
шийдсэн. Япо­ноос уг загварын телевизорын эд ангиуд Монгол руу тээвэрлэгдэж эхэлсэн.
20 тонны контейнерт 720 зурагтны сэлбэг хэрэгсэл багтдаг байлаа. Тэгээд л бид тэдгээрийг
чинь хэмжилтийн нарийн горимын дагуу угсарна. Тэгж л “Монел”-ийн өнгөт зурагт монголчуудын
хэрэглээ болж эхэлсэн түүхтэй” гэв.

“Хитачи” зэрэг телевизорын үйлдвэрийн хэд хэдэн томоохон компаниуд
Ялалт захиралд санал тавьж байсан гэнэ. Ухаандаа, Монголын зах зээлд нэвтрэхийг
хүсч байж л дээ. Тэр дундаас Японы дээрх компанийг сонгосон юм билээ. Зурагтынхаа
анхны шугамыг Цэргийн хотхон, одоогийн КТМС-ийн тийшээ байрлаж байсан гэдэг. Одоо
мөн ялгаагүй “Монелийн уулзвар”, “Монелийн буудал” гээд шугамын автобус, микроныхон
ярьдаг даа. Нэг сонин түүх сөхөхөд, Японоос эхлээд таван зурагт оруулж иржээ. Туршилт
хийх гэж тэр. Гэвч Улаанбаатар хотын Баянхошуунд, Улиастайд хаана хаана нь тавиад
болсонгүй гэнэ. Өмнөговь аймагт очиж үзээд ч болоогүй гэсэн. Ингээд манайхан цахилгааны
хүчин чадлыг нь шалгаад нэмж хэдэн зүйл суулгуулахаар явуулсан нь “Монел”-ийн зурагт
дуу дүрс, өнгөний хувьд ямар ч асуудалгүй байдаг нь тийм учиртай гэсэн. Эхний туршлагаас
анзаарахад манай станцуудын хүчин чадал хүрэхгүй байсан юм билээ.     

“Загасчны морь усгүй” гэдэг үнэн дээ. Өнгөт зурагт угсарч гаргаад,
хүмүүс шагшраад л, том жижиггүй надад баяр хүргэж байх үед манайх гэртээ зурагтгүй
байсан. Монел чинь эхлээд 4000 төгрөгөөр зарагддаг байсан. Дараа нь юмны үнэ хоёр
дахин нугараад есөн мянган төгрөгөөр зарагдаж эхэлсэн. Тэр үед би Ялалтаас гуйж
цөхөж байж, орлогчоор нь цохолт хийлгэж байж ганц зурагттай болж авсан даа гэж Бүжээ
эгч хэлээд авсан. Энэ үед Ялалт захирал “Өнгөт зурагт угсраад л гадагш нь гаргаад
улс амьтан шуугиад байхад нээрээ манайх гэдэг айл өөрсдөө зурагтгүй л байсан даа”
хэмээн инээмсэглэж суусан.

“Та тухайн үед Монголын бүхий л толгой инженерүүдийг нэг дор цуглуулсан
гэдэг юм билээ. Олон ч нэртэй төртэй хүн байсан гэдэг дээ” гэж гавьяатаас асуухад,
Их хурлын дарга Зандаахүүгийн Энхболдоос аваад үгүй ээ мөн луугарууд байж шүү гэж
өөдөөс сүрхий гэгч нь харж байна. Энхболд дарга Уралын Политехникийн дээд сургуулийг
төгсч ирээд ажиллаж байсан юм билээ. Мөн УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны
дарга Р.Бурмаа Болгарын Софи хотноо радио электроникийн мэргэжил эзэмшсэн залуухан
инженер “Монел” компанид ажиллаж байсан байна. За тэгээд АИХ-ын депутат гавьяат
холбоочин Моондой, Их хурлын гишүүн асан Ц.Төмөртогоо гээд олон нөхөд байсныг мэдэх
хүмүүс нь бахархалтайгаар дурсдаг сан.

“Монел” гэж чухам ямар үг болохыг мэдэх үү гэж гэрийн эзэн аавынхаа
хөрөг зурагны өмнө зогсоод асууж байна. Мөнхдүүрэн гэж зураач аавынх нь хөргийг
Зүүн хараагийн Ширхэнцэг уулын наана ногооныхоо талбайд байцаагаа хурааж яваагаар
зурсан нь утга учиртай юм билээ. Ялалт гавьяатын аав Шархүү гэж нэртэй эрдэмтэн
Монголын шинжлэх ухааны академид насаараа ажилласан. Эрт ургацын байцаа гэх нэр
томъёог анх бий болгож, долдугаар сарын халуу шатсан өдрүүдэд байцаагаа хурааж идэх
боломжийг олгосон буянтан юм. Тиймээс гавьяат маань аавынхаа тэр зурганд жигтэйхэн
хайртай юм билээ. Мөнхдүүрэн зураачийн Хараа голынх нь  шаргалхан намрыг зурсан бас нэг тэлмүүн сайхан
зураг ажлынх нь өрөөний хананд “ханарч мэлтрэн” байсан. Ингээд миний бие “Монел”
гэдэг үгийнх нь утга учрыг өөрөөс нь асуугаад авлаа шүү. “Монголиа электроникс”
гэдэг үгийн товчлол гэж байна. Миний бодож байсантай ижил юм. Бодох юу байхав, өмнө
нь дуулж байв. “Төр засаг жаахан дэмжээд ерээд оны эхэн үеийн хүнд бэрх цагт эдийн
засгийн хүч өгсөн бол манай компани өнөөдөр Монголын эдийн засагт нэг том түлхэц
үзүүлэх байсан даа” хэмээн Ялалт захирал бодлогошронгуй хэлж байсан.

Гэргий Бүжээ нь намуухан яриа хөөрөөтэй, зөөлөн дулаанаар инээмсэглэсэн
элгэмсүү сайхан хүн байна. Тэрээр Сэлэнгийн Баруунбүрэнгийн унаган хүүхэд ажээ.
Анагаахын сургуулийн гурав­дугаар ангийн оюутан ахуйдаа нөхөртэйгээ танилцсан гэдэг.
Ялалт захирал ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургуу­лийг автоматик, телемеханик
мэр­гэж­лээр төгсч ирээд Зүүн Хараа­гийн Эрчим хүчний салбарт ажиллаж байжээ. Тухайн
үедээ Улаанбаатар-Дархан, Зүүн Хараа-Бор нуур, Жаргалант, Баруун Хараа, Шарын гол,
Батсүмбэр, Баянцогт, Угтаалцайдам зэрэг газруудыг холбосон 110-35 КВ-ын өндөр хүчдэлийн
шугамуудыг ашиглан телефон яриа, бусад мэдээлэл дамжуулах техник хэрэгслийг ашиглалтад
оруулан засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байсан байна. Энэ үедээ мань эр Зүүн
Хараад телевизийн суваг гарган шуугиан дэгдээж, одоогийн Их хурлын гишүүн Одонтуяагийн
аав Салдан гуай хот руу бахархалтайгаар ярьж байсан гэдэг. Тэгээд л Болгарын Софи
хотын Машин цахилгааны дээд сургуульд явахаар бэлтгэн Анагаахын номын санд сууж
бай­гаад ханьтайгаа танилцсан түүхтэй аж.

Бүжээ эгчээс “Танай нөхөр анх ямаршуу хүн харагдсан бэ. Залуудаа
сахалтай байв уу” гэх асуултыг тулгах маягтай тавихад харцнаасаа туяа цацруулах
мэт гэрэлтэн инээмсэглээд, зөөлхөн намуухан дуугараад “Манай хүн надаас хэд ах юм.
Надад бол эхлээд нэг том ах харагдсан. Тэгээд надаар дандаа номын сангаас ном авахуулна.
Ингээд сүүлдээ би тогтож харсан хэрэг. Их л ухаантай, нөмөртэй сайхан хүн санагдсан
даа” гэх хариултыг өгсөн юм. Ялалт, Бүжээ нар ханилаад хоёр хүүхэдтэй болжээ. Том
хүүдээ Тэнгис, охиндоо Ижилмөрөн гэж нэр өгсөн байна. Сонирхуулахад, Ижилмөрөн охиных
нь нөхрийн аав нь түүхийн ухааны нэртэй эрдэмтэн академич Жигжидийн Болдбаатар гуай
юм билээ. Бид хэдийг хуучилж суухад Ялалт гуай руу худ ургууд нь ярьж байгаа бололтой
байсан.

Гэрийн эзэн “Манай Оюунчимэг цангинаад л ярьж байна, тоглолтын
бичлэг зурагтаар явахыг үзсэн үү гэж асууж байна” хэмээн ханьдаа хандан хэлж байв.
Болдбаатар академичийн гэргий яруу найрагч Сүрэнгийн Оюунчимэгийг хэлж байгаа ажээ.  Оюунчимэг найрагч саяхан уран бүтээлийн тайлан
тоглолт хийсэн гэнэ. Ялалт гавьяат очиж чадаагүй юм байна. Бүжээ эгч л хүүхдүүд,
ач зээ нартайгаа очсон гэнэ. Төрийн хошой шаг­налт Жанцанноровын аялгуу “Хан­жаргалант
хайрхан”, Ариунаа гавь­­яатын дуулдаг “Талын монгол айл”, Мооёобуугийн Булганы хөг­жим
ардын жүжигчин Батаагийн Жавзандулам нарын аварга гурван дуучин дуулдаг “Хан шувуу”
гээд хэдэн сайхан бүтээлтэй билээ.

“Ах нь ч ардын хянан шалгахад олон шалгуулж, хараанд нь явсан
хүн дээ” гээд гэрийн эзэн өгүүллээ. Наяад оны дундуур Ялалт гуай шиг их мөнгөтэй,
түүн шиг олон гадагшаа дотогшоо явдаг хүн ховор байж л дээ. Тэгээд л шалгуулдаг,
үргэлж матуулдаг байсан хэрэг л дээ. Тэр бүү хэл хүүхдүүдийнхээ нэрнээс болж дуудагддаг
л байсан гэж байгаа. Тэнгис гэж яагаад нэрлэв, Чингэс хааныг бодож нэрлэсэн үү гэдэг
ч юм уу, эсвэл Ижил мөрөн гэж ямар утга санаагаар нэр өгөв гээд л байцаагдаж явсан
аж.

Гэрийн эзэгтэй Амарбаясгалант хийдийнхээ зургийг гал тогооныхоо
өрөөний хананд байрлуулсан байна. “Монел”-ийн үүх түүхээс гадна Ялалт гавьяат Төрөө
инженер хоёртой юу эсийг ярилцах вэ дээ. Баянаа аваргатай холбоотой яриа нэг хэсэг
өрнөсөн. Ерээд оны эхээр Ялалт захирлын өрөөнд Баянаа аварга ороод иржээ. “за Ялалт
минь цаана чинь амьдрал хэцүүдлээ. Хэдэн бөхчүүд маань бэлтгэл хийх нь бүү хэл хоолгүй
хонож байна, мөнгөтэй төгрөгтэй хүн энэ улс оронд чинь ховор байна шүү” гээд тус
дэм болохыг хэлжээ. Яаж аваргадаа, тэр хэдэн бөхөд нь тус болох вэ гэж байгаад
100 килограммын шуудайтай цагаан будаа агуулахад нь байгааг гэнэт санаад Төрөө инженерээ
Баянаа аваргатай явуулчихсан гэдэг. “100 килограммын шуудайтай будааг бүгд л үүрээд
гараад явчихсан” гэж Төрөө инженер хэлж байна. Мөн Ялалт захирал Сэнгийн Эрдэнэ
баавайтай Софи хотноо зочид буудалд шөнөжингөө ярьж, “Оготнын нүхэн дэх сувд”,
“Малын хөлийн тоос” гээд алдартай бүтээ­лүүдийнх нь үүх түүхээс яриулснаа дурсамж
болгон хэлж байлаа. Түүнтэй ойр дотно яваагүй нийгэм төр, урлаг соёл, спортын зүтгэлтнүүд
ховор юм билээ. Бүгд л “Монелийн Ялалт” л гэдэг юм билээ.

Фото зургийнх нь альбомыг үзэж бай­хад ч олон л хүнтэй тив дэлхийн
өнцөг булан бүрт авахуулсан зураг байсан. Тетрис-ыг анх зохиосон Оросын эрдэмтэн
Ялалт гавьяатын эрхэм дотнынх нь нөхөр гэсэн. Ялалтыгаа дагаж Монголд хэд хэд ирсэн
гэж байгаа. Одоо бол АНУ-д амьдардаг, тэрбумтан болсон гэсэн. “Манай захиралд хуучин
ЗХУ, Болгар, Польш, Чех гээд орнуудад танихгүй хүн ховор. Ялангуяа өөрийн мэргэжлийн
инженерүүдтэй жинхэнэ анд нөхрийн барилдлага тогтоосон хүн” гэж “өвгөн партизан”
Төрбаатар хэлж байлаа.

“Ингэхэд танд яагаад Ялалт гэж нэр өгөв, Ялалтын баяртай холбоотой
байх” хэмээн номын санд нь ярайх түүхэн бүтээлүүдийг гарчиглангаа асуулаа. “Миний
нэрийг чинь Базарын Ширэндэв гуай өгсөн юм” гэв. Ширэндэв гуай Шархүү гуай нар дотно
нөхөд байж, нэг дор ажилладаг, нэг дор амьдарч ч байжээ. Ялалт гавьяатьн ээж Москвад
сургууль дүүргэж ирээд Улсын төлөвлөгөөний комисст ажиллаж байх үед нь буюу
1945 онд Ялалт хүү мэндэлжээ. “Ширэндэв минь чи л нэг нэр хайрлана даа” гэж аав
Шархүү нь хэлэхэд, дөнгөж төрөөд удаагүй байсан улаан нялзрай амьтанд Ялалтын баяраар
төрснийг нь бэлгэшээн аугаа их Базарын Ширэндэв тийнхүү нэр хайрласан юм билээ.
“Ширэндэв гуайн өгсөн нэрийг ах нь бас гэж сэвтээлгүй л авч явна даа” гэв.

Гэрийн эзэгтэй очсон даруйд үхрийн хавирга сэлт  чанаад, бууз жигнээд баахан ногоо цагаа, салат
болчихсон байв. Дараа нь удаа ч үгүй зэрлэг гахайн өөх нь дарайсан мах шараад, орой
нь гурилтай шөл хийгээд баахан дайллаа. Тун их зочломтгой хүн ажээ. Ялалт л намайг
ийм болгочихсоон гэж товч бөгөөд тодорхой хариулсан билээ. Гадна дотнын олон зочид
тэднийхээр орж гарч, гэргийнх нь гарын хоолыг зооглож явсан нь дамжиггүй ээ. Ялалт
захирал Монголын шинийг санаачлагчдын нийгэмлэгийн даргаар ажиллаж байх наяад оны
эхэн үед өөрийн байртай болж, Москвад үзэсгэлэн гаргах гээд очиход нь Гүррагчаа
сан­сарт нисч таараад өмсөж явсан нэхий дээлээ үнэтэй зарж түүнийхээ мөн­гөөр бусад
орны зочдыг дайлсан гээд олон л зүйлийг эрхэм гавьяаттай хуучиллаа. Түүнийг шинжлэх
ухааны гавьяат зүтгэлтэн болсонд нь “Монел”-ийн нөхөд нь их олон зүйлийг бэлэглэсэн
нь гэрийнх нь ханаар ярайж харагдана лээ. “Монел”-ийн ажилчдаас 30 гаруй нь томоохон
компанийн захирлууд болсон гэж байгаа. Мөн нэгэн ажилтан нь захирлынхаа цолыг хоёр
өрөө байраар шагнасан байна. “Би чинь олон хүнийг орон байртай болгожээ” гэсэн нь
бас л дүнжгэр сонсогдож, хүний тус эргээд ирдэг юм байна гэх бодлыг ч төрүүлээд
авсан юм.

Гэрийн эзэгтэй “Монел зурагт маань энэ шүү дээ” гээд унтлагынхаа
өрөөнд жижиг дөрвөлжин хар зураг­тыг нандигнан байлгаж байна. Чөлөөндөө гарсан хурандаа
гэдэг шиг түүхэн үүргээ гүйцэтгэсэн монел зурагт жолоогоо сойсон морь шиг удирдлагаа
“нуруун” дээрээ үүрээд байж байна. “Манай гэрийн нандин эдийн нэг энэ юм даа. Миний
хань чинь ааваасаа илүүтэйгээр Монелоороо овоглосон” гэж Бүжээ эгч сэтгэл бахдам
хэлж байсан. Ялалт гавьяатын ажлынх нь ширээн дээгүүр ярайх оросоор бичиглэсэн зүйлүүд
бүгд төсөл ажээ. Занараас, нүүрснээс, модны үртэснээс шатахуун гаргаж авах тухай
үйлдвэрийнх нь төсөл. Гад­ны компаниудтай хамтарч хэрэг­жүүлэхээр болоод байгаа
аж. Одоо­доо хаана барихаа нарийн төлөвлөөгүй байгаа гэнэ. Тэрээр “Намайг цөмийн
сургуульд явуулсан бол хэдийнэ атомын цахилгаан станц бүтээчихнэ дээ. Манай эрдэм­­тэд
хий хоосон л ярих юм” гэж байсан. Монголд анх өнгөт зурагт угсарч техникийн шинэ
дэвшилд хүрч, олон түмэндээ итгэл үнэмшил төрүүлж байсан түүнд шатахууны үйлдвэртэй
болчих бодол тархи оюунд нь бичээстэй л байгаа. Тэр бол бүх зүйлийг шинжлэх ухааны
нарийн үндэслэлээр хийдэг хүн юм. Бүтэн өдөржин хуучлаад ч цаана хичнээн ярих юмтай
гавьяатынхаас гарах ахуйд гэрийн эзэн дотночилж ирээд “Танай “Өдрийн сонин” л тавдугаар
цахилгаан станцыг ашиг­лалтад оруулна, Монгол Улсынхаа тавин хувийг хангадаг шатахууны
үйлдвэрийг бариулж чадна, хувийн хэвшлийг дэмжиж бүтээн байгуулалтын төлөө та бүхэн
дуугарч буйд миний бие сэтгэл өег байдаг юм” гэж хэлээд хоцорсон билээ. Ийнхүү ерээд
оны сүүл үе хүртэл үйлдвэрээ дагнан ажиллуулж 20 мянган өнгөт зурагт, тэр л хэмжээний
тоогоор тоологдох компьютер, радио хүлээн авагч, телефон аппа­рат, сансрын телевизийн
систем үйлдвэрлэн, Монголын төрд эдийн засаг хүнд байсан цагт арваад тэрбум төгрөгийн
хөрөнгө оруулалт оруулсан “Монел”-ийн гэх тодотголтой эрхмийнд өнжсөн тэмдэглэлээ
тоймлон хүргэхэд ийм байна.

Н.ГАНТУЛГА                 

Categories
редакцийн-нийтлэл

Дөнгөтийн ЦООДОЛ: Явуугүй өнгөрүүлсэн он жилүүд хөг нь алдарсан хуур шиг санагдах юм

Ардын уран зохиолч Д.Цоодол Явуухулан багшийнхаа хамт. 1979 он

Монгол Улсын төрийн шагналт Дорнын их найрагч Бэгзийн Явуухулангийн
85 насны ой өнөө жил тохиож байгаа билээ. Эл эрхэм найрагчийн ойг тохиолдуулан түүний
шавь, ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолтой ярилцсанаа хүргэж байна.

 -Явуу багшийн тань 85 насны ой тохиож байна. Яриагаа мэдээж Явуу
найрагчаас л эхэлнэ дээ?

-Цаг хугацаа гэж хурдан юм аа. Миний багш өнөөдөр сэрүүн тунгалаг
байсан бол наян тавтай өвгөн байж байх нь. Их л сэмбэгэр сайхан хүн байх байсан
даа гэж бодогдоном. Насанд нь жаахан цөв орсон болов уу гэж боддог. Ирж буцдаг нь
хорвоогийн жам юм. Явууг эргэж төрөөсэй хэмээн ард түмэн залбираад хоцорч билээ.
Багш маань олон түмэндээ жигтэйхэн хайртай, элгэмсүү найрагч байсан.  Явуу шиг ганган дэгжин нь тухайн үед ховор байжээ.
Мөн түүн шиг олон таван үггүй найрагч бас ховор байлаа. Найранд очихоос төвөгшөөдөггүй
хэрнээ дуулж хуурдана гэж байхгүй. Маш олон дуу бичсэн хүн шүү дээ. Дагвын Лувсаншарав
гуайтай гэхэд дөч гаруй дуу хийсэн гээд бодохгүй юу. Тийм олон дуутай хүн чинь хашгирч
болноо доо. Гэвч тэгээгүй. Уруулаа долоочихоод л сууж байдаг сан. Улаа бутарсан
царай, урсгал хар нүдтэй. Махир гаанс зуучихна. Ер нь гаанс цуглууламтгай хүн шүү.
Түүнийг өнгөрснөөс хойш яруу найрагт маань ямар чиг том орон зай үлдэв дээ. Явуугүй
өнгөрүүлсэн он жилүүд хөг нь алдарсан морин хуур шиг санагдах үе байдаг.

-Ингэхэд та чинь багштайгаа хэрхэн яаж танилцаж байв. Шаравын
Сүрэнжав гуай танилцуулсан гэдэг?

-Би чинь юмыг их мартамхай, салан палан хүн. Гэхдээ нэг зүйлийг мартдаггүй,
мартаж боломгүй юм гэж бас байдаг байх нь. 1966 оны зургадугаар сарын 17-ны  өдөр юм. Би гэдэг хүн Төв аймгийн Зуун мод хотын
баруун захад галлагаатай ганц өрөөнд амьдарч байсан үе. Залуучуудын эвлэлийн ажил
хийж байгаа ухаантай. Тэр цагт надад бусдад үзүүлж харуулах зүйл байсангүй. Харин
“найрагч болноо” гэх зүйл зүрх сэтгэлд хадгалаастай байсан. Галлагаатай ганц өрөөгөө
“Чонын хонгил” гээд нэрлэчихсэн тийм л ядмагхан амьтан дээр Явуу багш гэнэт хүрээд
ирж билээ. Хотоос автобус дүүрэн зохиолч Төв аймагт ирж уулзалт хийсэн юм. Сүрэнжав
өмнө нь надтай нэг удаа уулзсан учир намайг мэдэж байж. Аймгийн утга зохиолын нэгдлийнхэн
гэдэг жагсаал тараах гэж байгаа цагдаа нар шиг төвийн том найрагчид руу усан шүлгээрээ
шүршинэ. Сүрэнжавыг өмнө нь би бас л шүршээд явуулсан хэрэг. Гэхдээ цаад чинь надад
их сайхан урмын үг хэлж, чи чинь авьяастай юм байна гээд явсан. Ингээд л дараа нь
Явууг дагуулаад ирсэн хэрэг. Явуу ягаан буурал костюмтай, өндөр өсгийтэй ботинктой
жигтэйхэн, сүрдмээр хүн санагдаж билээ. Тэр хоёр сайндаа ирсэнгүй, хүмүүс цуглах
хооронд ороод гаръя гээд ирж. Аз болоход надад хугас шил юм байсан. Түүнийгээ гаргалаа.
Өнөө хоёр чинь хуваагаад хүртчихлээ. Тэгэхэд би хоёр шүлэг уншиж өгсөн юм. Багш
“Чи над дээр яваад очоорой. Би чинь Цог сэтгүүлийн утга зохиолын нарийн бичгийн
дарга” гээд сэтгэл зассан үг хэлсэн юмдаг.

-Таны анхны ном “Нутгийн зургаан өнгө”-ийн өмнөтгөлийг Явуу багш
тань бичиж гаргасан билүү?

-Жаран найман онд багш дээрээ очсон. Явуу багш миний арав гаруй шүлгийг
өмнөтгөл үг бичээд “Цог” сэтгүүлд тавьсан. Хөдөөгийн шүлэгч надад түүн шиг том баяр
гэж юу байхав. Тэгж би багшаасаа яруу найрагч болох “лиценз”-ийг авсан хувьтай хүн
юм. Төв аймгаас хотод ирэхдээ Явуу багшийндаа л ирнэ. Өөр надад очоод байх айл гэж
байсангүй. Манай хүн гэртээ бол султаан шиг л байна. Эрээн өнгийн халаад өмсчихсөн,
гал тогооныхоо өрөөнд эргэлдээд л. “Зуун муу зохиолчийг нийлүүлээд нухчихсан юм
шиг лут амьтан даа” гэж Ванганыгаа магтаад л. “Манай энэ олигор бас мундаг даа”
гэж “Үер” киноны Болд өвгөн буюу ардын жүжигчин Сангийн Гэндэнгээ хэлээд л байж
байна.  Багш ер нь хүнийг муу хэлж байсан
удаагүй. Жижигхээн юманд хүүхэд адил баярлахыг нь яана.  Өөрийгөө мундаг тогооч гэж магтана аа. “Удвал
дарга намайг сайн тогооч гэсэн” гээд өнөө цуйвангаа л хийнэ. Зохиолчид хөдөө явахад
Явуу багш нэг удаа цуйван хийснийг нь Удвал гуай “Чи чинь сайн тогооч юм байна”
гэчихэж л дээ. Явуу ганганыг бүгд мэднэ. Гэхдээ мань хүн шинэ костюм өмсчихөөд хүнээр
заавал магтуулж байж санаа нь амардаг сан. Энүүхнээс нь харахад л хүүхдэрхүү гэдэг
нь мэдрэгдээд байдаг.

-Жинхэнэ уянгын яруу найргийн оргил гэдэг. Энэ тухайд та юу хэлэх
вэ?

-Тэр үнээн. Явуугаа оргил гэхгүй юм бол хэнийгээ тэгж бардамхан хэлэх
билээ. Шүлэг бүрээс нь, шүлгийнх нь мөр нугалаа бадаг бүрээс Явуу цухалцаж байдаг
нь гайхмаар. Явуу ханхлаад, Явуу уянгалаад байна шүү дээ.

Ухаандаа, “Туулайн гүйдэл шиг салхинд

Туулын шугуй найгана

Уулын согоо шиг хүүхэнд

Хайрын сэтгэл дасна…”,

…Мөнгөн аяга шиг гараас чинь

Туулын уснаас амсах юм сан

Мөнхийн усыг уусан юм шиг

Танхил чамтай амьдрах юм сан….” гэдэг ч юм уу, эсвэл

“Харахаас ялдам хонгор бүсгүй ээ

Хайрын тухай битгий дуулаач

Наалинхай хонгор аашаа дэлгэж

Надад битгий нүүр үзүүлээч

Дэнлүү хоёр нүдэнд чинь

Дэнгийн эрвээхэй шиг шатчих гээд байна

Дэвүүр хоёр сормосонд чинь

Дэнжийн ногоо шиг ганхаад байна…

…Дэнлүү хоёр харцтай чинь би

Дэндүү эрт тулгарч дээ, хөөрхий

Дээж найргаа гүйцээсэн бол ч

Дэнгийн эрвээхэй шиг шатсан ч яамай… гэхэд л Явуу байдаг.

“Найран дээрээс гараад иртэл

Намрын навчис хийсч байлаа

Налгар тэнгэрээр шувуудтай цуг

Нарлагхан намар зэллэн одлоо

Салхи ч үгүй нам гүм байтал

Шарласан навчис хийсч байлаа

Санаанд ч үгүй аж төрж явтал

Санчигны минь үс цайж байлаа

Налгар тэнгэрээр шувуудтай цуг

Зэллэсэн бүхэн эргэж ирнэ

Намрын навч шиг надаас хийссэн

Залуу нас минь л эргэж ирэхгүй” гэдэг ч юм уу. Эрдэнийн сувд
шиг шүлэг бүрээс нь л асгаруулмаар байна. Мань мэтийн юмнууд чинь ганц хоёр аятайхан
мөр бадаг биччихээд түүндээ ханачихдаг. Явуу бол тэгдэггүй байсан. Өөрийгөө жинхэнэ
утгаар нь нэрж, шүлгийг цогцоор нь бүтээж байж л сая санаа нь амрах нь тэр ээ.  “Янхигар” Явуухулан гэдэг чинь ёстой янхийлгадаг
л байсан байхгүй юу. Багш маань хэзээ ч таргалж, айлхаж байсныг мэдэхгүй юм. Одоо
чинь хүмүүс хэлтсийн дарга болоод л алхайтал таргалаад ирэх юм. Уул нь багш маань
амьтны жишгээр бол таргалах л хэмжээний хүн. Төрийн шагналтай, Дорно дахины том
найрагч, АИХ-ын депутат, Зохиолчдын хорооны нарийн бичгийн дарга гээд л албан тушаалыг
нь хэлж барахааргүй. Гэвч бүх чадал дотоод энерги, энерциэ зөвхөн яруу найрагтаа
чин үнэнчээр зориулсан хүн юм даа. “Түлээчин”, “Сонин” гээд шүлгүүд байдаг. Гэхдээ
тэрээр иргэний уянгын шүлэг бичихдээ ч гэсэн нийтлэлийн аяс огт оруулалгүй, яг л
цэвэр найргаа урладаг байсан. Үндсэндээ яруу найргаа бүдүүн тоймын утсаар хэзээ
ч нэхэж байсангүй. Түүнийг яруу найргийн ёрог даавуу нэхээд сууж байсныг хэн ч хараагүй
нь тийм учиртай. Утга зохиолын дараа дараагийн үедээ багш маань ингэж л сургамжилжээ.

-Аав ээж удам гарлынх нь талаар та багшаасаа асууж байв уу?

-Багштайгаа жараад оны сүүлээр учирсан. 1970-аад онд гэхэд эх эцэг
нь өнгөрчихсөн үе. Аав тань юу хийж байсан хүн бэ гэж багшаас бага залуудаа асууж
байсан. “Ерөөсөө л анч хүн байсан” гэж хариулж байсан юм. “Тэхийн зогсоол” найраглалынхаа
өмнөтгөлд “Ачит эцэг анчин Бэгзийн гэгээн дурсгалд зориулав” гэсэн нь тийм учиртай
юм билээ. Аав ээж нь Ар, Өвөрхангайн хүмүүс байсан гэдэг шүү. Ан хөөж амьдардаг,
тэгж явсаар газрын цээжинд хангайн оргилд гарчихсан хэрэг л дээ. Дэжид гэж төрсөн
эгч нь байсныг мэдэх юм. Ядамжавын Баатар гэж 
судлаач бий шүү дээ. Тэр яалт ч үгүй 
садангийнх нь хүн. Харин багшийн маань Энхээ, Амараа гээд хоёр хүүгийнх нь
хүүхдүүд байлгүй яахав. Зарим нь Америкт байдаг л дуулддаг. Ингэхэд Явуугийнх анх
нутгаасаа, Завханы Алдархаанаасаа хот руу гарахдаа зургаан сарлаг, хайнаг тэргэнд
гэрээ ачаалаад хөдөлж байжээ. Анчин Бэгз гуайнхтай айл аймаг явсан нэг хөгшнийг
эрж сураад тэр жил би Дамбадаржаад очиж уулзан энэ бүгдийг асууж байсан. 

-Та ардын уран зохиолч хэмээх өндөр цол хүртээд бараг л маргааш
нь Явуу багшийнхаа нутаг руу зохиолч нөхдийнхөө хамт явж байсан. Багшийн тань ус
нутгийн олон ихэд бэлгэшээж байсныг санах юм?

-Мэдээж бэлгэшээлтэй сайхан санагдалгүй яахав. Багшийнхаа төрсөн
бууц Ар Тасархайн хоёр ууланд нь очоод алхаж явахад, “Тэхийн зогсоол”-доо мөнхөлсөн
Хүүшийнх нь өвөлжөөний бууцны салхи савирт илбүүлээд зогсож байхад өөрийн эрхгүй
дотогшоогоо мэлмэрч л явлаа. Нөгөө талаас бас санаа зовох гэдэг ч юм уу, жаахан
ичих явдал байсныг юуг нь нухав. Учир нь багшийнхаа хүрээгүй өндөр цолыг авчихаад
очно гэдэг чинь молхи шавьд нь хэцүү байдаг юм билээ. Гэхдээ Явуу, Гайтав хоёрыг
ардын цолыг хэд дахин нугалахаар аварга амьтад байсныг ард түмэн мэдэх юм даа. Алдархааны
ноён шовх оргилууд, Богдын голын мэлмэрсэн хөвөө, Отгонтэнгэр хайрханых нь бэлд
оччихоод “Би Явуугийн шавь байна” гээд хашгирч явсангүй. Манай нөхөд л яриа хөөрөөн
дундаа миний тухай дурдаж, багшийнхаа нэрэмжит “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн
төрлөө би” гэх яруу найргийн баярт шүлгээ уншиж, ус нутгийнх нь түмэнтэй уяралтайхан
сэтгэлээр учран золгосон нь тэр юм аа.

-“Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Тэхийн
зогсоол” гээд бүтээлүүдийг нь мэдэхгүй хүн ховор. Ялангуяа “Би хаана төрөө вэ” шүлэг
Монголын яруу найрагт нэгэн том давалгаа үүсгэж, үзэгдэл болж, өнөө л шинэчлэлийн
үүд хаалгыг нээсэн болов уу гэж санана…?

-Явуугийн “Би хаана төрөө вэ” шүлгээс өмнө манай зохиолчид эх орны
тухай олон гайхалтай бүтээл биччихсэн байсан шүү дээ. Их Нацагдоржийн маань “Миний
нутаг”, “Дөрвөн цаг”, Дондогийн Цэвэгмид гуайн “Булшин дээр” найраглал,  Цэдэнжав гуайн

“Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч

Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ

Чин үнэнч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө

Чинийхээ төлөө үхье гэж эх орондоо би хэлдэг” хэмээх “Миний
нутаг” найраглал бичигдчихсэн байсан үе. Эх орны тухай дээрх шүлгүүдээс илүү өндөр
түвшинд, нарийн гаргалгаатай, цэвэр онгодоор бичиж үг хэллэг, дүрс дүрслэл, утга
уянгын хувьд “Би хаана төрөө вэ” гэх шүлэг бол үнэндээ өндрөө авсан сонгомол бүтээл
л дээ. “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би

Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт

Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд

Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд

Цасан ширхэг царцаж мөс болох халилд

Царгиа хүйтэн өвөл сарлагийн бух дошсон

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би…” гээд уншихад ямар
гайхамшигтай билээ дээ. Тэгээд “… Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би”
гээд хүн рүү нь ойртуулж өгсөн байдаг. “Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн
минь учиртай”, “Мөнгөн хазаарын чимээ”, “Тэхийн зогсоол”, “Туулын урсгал шөнөдөө
сайхан”, “Туулын шугуй”, “Хар ус нуурын шагшуурга” гээд бүх л шүлгээс нь Явуу ханхлаад,
Явуу уянгалаад байдаг, үүнийг би ярианыхаа эхэнд бас л хэлсэн дээ. Эмзэг нарийн
хийл шиг түүний шүлгүүд хүний сэтгэлийн мухарт тэр чигээрээ долгиотон, намиатан
хүрч чаддаг. Үүнд л яруу найргийнх нь үнэ цэнэ байдаг биз ээ. Дээр нь нэмээд хэлэхэд
Явуу бол жинхэнэ эх оронч байсан. Түүний илрэл нь мэдээж өөрийнх нь уран бүтээл.
Манай залуухан “сонгодгууд” үүнийг мэдрэх хэрэгтэй юм. Ингэхэд манай хүн чинь Сэлэнгийн
Номгоны сангийн аж ахуйд хаврын тариалалтаар очиж тариа үрлэгч хийж байсан гэдэг.
Дараа нь би тариаланчидтай нь уулзахад хүмүүс жигтэйхэн магтаж билээ. Мөн Батлан
хамгаалах яаман дээр нэг удаа уулзалт болж Ёндондүйчир генерал гээд олон аваргууд
байхад Явуу нэг их айхтар үг хэлсэн санагдана. “Нөхөд минь та нарт анхаарах юм их
байна, цэргийн эмх цэгц дорой байна. Дарга, цэрэг нь мэдэгдэхгүй, биенээ дайрч унагачих
гэсэн хүмүүс байх юм. Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа гэдэг. Энэ үнэн.
Тушаалынхаа дэсээр дарга нартаа ёсолдог байх ёстой” гэж хэлээд нам авч л байсан.
Тэгж л бүхнийг нарийн анхаардаг эх орны бүхий л зүйлийг сэтгэл дотроо тээж явдаг
найрагч байсан. 

-Явуугийн шинэчлэл гээд л байдаг. Үүнийг та хэрхэн тайлбарлах
бол?

-Монголын яруу найрагт тэр яриа байхгүй шинэчлэл хийсэн. Маш товчхоноор
хэлэхэд, монгол уламжлалт найргийнхаа хөрсөнд л тулгуурлаж шинэчлэл хийсэн байхгүй
юу. Ерөөл магтаалын шинжтэй уламжлалт яруу найргаа илүү уянгалаг, сэтгэлийн болгосон
юм даа. Түүнээс багш минь гаднаас там тум дуулсан зүйлээ уншигчдадаа тулган шаардаагүй,
монголоос монгол яруу найрагч. Мэдээж асар их уншиж, боловсрохыг хэлдэг байсан нь
илэрхий.

-Горькийг төгсч ирээд гаргасан “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн
ном нь Монголын утга зохиолын нэгэн том шинэчлэл гэж үе үеийн найрагч, судлалтнууд
хэлдэг. Танаас Горькийд сурч байсан тухай нь асуух гэсэн юм?

-Авирын Чойжилжав гэж соёлын гавьяат зүтгэлтэн нэртэй сэтгүүлч байдаг.
Явуу багш Чойжилжав гуайг “Бид хоёр чинь хүж барьсан хоёр” гэдэг. Миний бие Чойжилжав
гуайгаас, Лувсаншарав гуайгаас багшийнхаа Горькийд сурч байсан үеийг их сонсоно
оо. Халгиа цалгиатайхан залуу байжээ. Хагас бүтэн сайнд Явуугийнд очиж цагаа өнгөрөөдөг
байсныг найзууд нь хэлнэ. Орос айлаас өрөөг нь хөлсөлж аваад тэндээ үдэшлэг зохиодог
байж. Тэгээд л Явуу нь шүлгээ уншиж, Лууяа нь хөгжмөө уянгалуулна биз дээ. Том найрсалт,
цэнгээн болдог нь тодорхой. “Өгөр толгой” Гүрсэд буюу Дугарсанжаа гуай тухайн үед
театр урлагийн сургуульд сурч байсан юм билээ. Дугарсанжаа бас л тэр тухай ярина.
Хүүхнүүд Явууд их дуртай байсан гэдэг. Харин найз нөхөд нь тэр тухайд “Манай Явуу
ч урамгүй л дээ” гэдэг сэн. Горькийн сургууль төгсөөд хамгийн нижгэр том цайллагыг
Явуу хийсэн гэдэг юм. Лев Ошанин, Евгений Долматовский гээд Оросын утга зохиолын
лидерүүд ирж гэдэг. Гахайн шарсан торойн дээрээ спирт асгаад шүдэнз зурахаар цэнхэр
туяа татаад гэрэлд нь орос охидтой бүжээд гээд их романтик зүйлсийг Лууяа тэргүүтнүүд
ярина шүү дээ.

-Сүүлд танд аминчлан хэлж захисан зүйл байдаг болов уу.

-1982 оны хоёрдугаар сарын таванд сүүлчийн удаа уулзсан. Миний бие
Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийн дэргэдэх дээд курст сурч байв. Өвлийн
амралтаар ирээд багштайгаа уулзалгүй яахав. Харин сургууль руугаа буцах гэж байсан
тэр өдөр багш “Чи нэг манайд хүрээд ирэхгүй юу. Чамаар Адъяад үг хэлүүлмээр байна”
гэлээ. Миний Адъяа эгчид үг хэлнэ гэж юу байх билээ. “Энэ Явуухулан ойрд их хариуцлагагүй
байгаа” гэж Адъяа эгч хэлж байсан. Уугаад гэж аашилж байгаа бололтой. Багш хариуд
нь “Таван жил архи уугаагүй хүн чинь гурван өдөр ууж болно биз дээ” гэж байв. Багштайгаа
гэрээс нь хамт гараад одоогийн Үндэсний түүхийн музейн ард хүртэл алхлаа. “За миний
шавь сайн яваарай” гэж хэлээд хоцорч байсан сан. Ачит багшаасаа сонссон сүүлчийн
үг энэ байлаа. Энэ нь намайг Москва хүртэл сайн явах тухай биш, ерөөсөө үлдсэн амьдралдаа,
их утга зохиол яруу найрагтаа сайн яваарай хэмээн молхи шавь намайгаа ерөөжээ гэж
бодохуйд нулимс гарах шиг болдог.  Түүнээс
багш зааж зааварлаад байна гэж байхгүй. Ерөнхий дүн нуруугаараа л бүхнийг ойлгуулна
шүү дээ. Надад хүрэн үзэг сүүлд бэлэглэж билээ. Одоо л мөн би толгойг нь хадгалдаг
юм. Манай хүүхдүүд алга хийгээд толгой нь үлдсэн хэрэг. “Сайн яваарай” гэж ерөөснийх
нь хүч байлгүй их утга зохиолд Дөнгөтийн Цоодол гэж амьтан өнөөг хүртэл нуруугаа
алдалгүй, шүлэг зохиолынхоо зам мөрөөр бэдэрч л явна. Монголоо бичсээр, хөдөөгөө
дуулсаар л явна. Ж.Саруулбуянтайгаа хамт Явуу багшийнхаа тухай нэг ном гаргахаар
бэлдэж байна. Эрдэнэ баавайгаасаа аваад их бага гэлтгүй бүгд л Явууг гайхмаар бичсэн
байна аа, манайхан. Явуугаа л судалмаар байна. Явуугаа хичнээн нээх тусам бидний
яруу найргийн зам илүү тодорхой болно гэдгийг хэлмээр байна. Өөр юу чиг хэлэх билээ
дээ.

Ярилцсан
Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Шаравын Сүрэнжав: Сэтгэл будангуйрах үедээ Сэнгийн Эрдэнээг уншдаг, би

 “Өдрийн
сонин” өнгөрсөн намар “Ардын цолтон” булангаараа Монгол улсын ардын уран
зохиолч П.Бадарч, Т.Галсан, Ш.Сүрэнжав, Б.Лхагвасүрэн нарын цуврал
ярилцлагуудыг хүргэж байсан билээ.
Энэ удаа та бүхэнд архиваасаа уудлан Монгол
Улсын ар­дын уран зохиолч, тө­рийн шагналт Ша­равын Сүрэнжавын
ярилцлагаас эргэн хүргэж байна.

Монгол
Улсын ар­дын уран зохиолч, тө­рийн шагналт Ша­равын Сүрэнжав гуайнд хүрч очлоо.
Гэргийтэй­гээ хоёул байж байна. “Сэтгэл будангуйрах үедээ Сэнгийн Эрдэ­нээг
уншдаг, би. Ер нь тэгээд Эрдэнэ, Түдэв хоёрын зохиол надад ойр юм”
хэмээсээр угт­сан. Залгуулаад “Хүр­гэн маань энэ хөөр­гийг надад
дурсгаад” гэж гартаам хөөргөөр тамхилангаа, “Адууны мах иднэ биз дээ.
Манай Төв аймгийн Засаг дар­га байсан Энхбат на­дад адуу өгөөд. Түүнийг нь очиж
авлаа. Цэндээ намайг адууны махны шөлөнд оруулдаг юм, ядаргаа тайлдаг юм
гэсэн”. Ийм л ая дан­тай бид хоёрын яриа эхэллээ.  

-Та бол “Насны ном
Цэнд, насны хань Цэнд” гэж хэлдэг хүн. Тантай уран бүтээлийн талаар зөндөө
ярилцаж байлаа. Эл удаагийн яриагаа гэргийтэйгээ хэрхэн танилцсанаар эхэлбэл
ямар вэ?

-Хүн амын техни­кумын оюутан Цэндтэй ойртож дотноссон минь 1959 он юм. Тэгэхэд
би Монгол Улсын их сур­гуулийн оюутан байлаа. Эхний хагас жилийн шал­галтаа онц
өгчихсөн додь­горхон нөхөр өөрөөсөө хэдэн насаар дүү охиныг болзоонд урьчихлаа.
Цэнд ч татгалзсангүй. Тэгээд одоогийн Төрийн ордны өмнөх талбайн сааданд анх
болзож билээ. Цэндээ шар торгон дээлтэй охин зогсож бай­сан сан.

Намайг харсан хэрнээ огт хараагүй юм шиг, таньсан хэрнээ таниагүй юм шиг хажуу­­гаар
зөрж өнгөрөөд л. Одоо бодох нь ээ, сэтгэлтэй болсных нь шинж юм уу даа. Манай
зохиолч найрагчид дурлалт бүсгүйчүүддээ зориулж нэрнийх нь үсгийн дарааллаар
шүлэг бичдэг жишгийг би тогтоочихсон байх шүү.

-“Нэрээр бичсэн шүлэг”
анхны номонд тань орсон байх шүү?

-Ханьдаа зориулж нэр­нийх нь үсгээр бичсэн шүлгээ жаран хоёр онд хэвлэгдсэн
“Шөнө ургасан цэцэг” номон­доо оруулж байлаа.

“Цээлхэн дуугий чинь
хөгжим гэвэл

Эгшгэнд нь уярсан нь би
билээ

Найртай сэтгэлийг чинь нар
гэвэл

Дулаацаж жаргасан нь би
билээ

Эрэвгэр нүдийг чинь цэцэг
гэвэл

Эргэлдэх эрвээхэй нь би
билээ”
гэсэн шүлэг л дээ. Тэртээ жараад онд бичсэн шүлгийг
минь саяхан гавьяат тээвэрчин, инженер С.Иш­бал­­­жир орос руу хөр­вүүлс­нийг
ханьдаа зориул­сан номын­хоо эхэнд оруул­сан. Жараад онд бичсэн шүлэг гэснээс
жаран он миний хувь амьдралд өлзий билгээ өгсөн жил. Зун нь би Увс аймаг руу
Намын төв хорооны үзэл суртлын брига­дад одоогийн ардын багш Бавуугийн Цэ­рэн­доржтой
хамт явах бол­лоо. Хоёр сарын томилолтын зардал гэж 1600 төгрөг өгдөг юм.
Тухайн үеийн 1600 төгрөг гэдэг их мөнгө л дөө. Түүнээс гэргийдээ цаг авч
бэлэглээд, хоёул ижил өнгийн даалим­баар дээл хийлгэж байснаа мартдаггүй. Намар
нь том охин Хишигсүрэн төрж Цэнд бид хоёр ижий аав болоод хөөр баярт умбасан.
Яг тэр үед радиогийн уралдаанд шог өгүүллэг маань түрүүлж түүний шагнал болох
цөөнгүй хэдэн төгрөгийг Доржийн Гом­­божав “МОНЦАМЭ”-гээс олж өгч
түүгээр том охиныхоо угаалгыг хийж байсан түүхтэй.

Манай Цоодол ч анхны бүтээл “Нутгийн зургаан өнгө”-ийнхөө шагналаар
дунд охин Хулангаа угааж байсан гэдэг. Уран зохиолын буян тэгж л эхэлдэг юм
даа.

-Сэтгэл будангуйрах
үедээ Сэнгийн Эрдэнээг уншдаг гэж хэллээ. Ингэ­хэд Эрдэнэ баавайтай ойр дотно
явсан он жилүүдээ дурсаач?

-Монголын уран зохиолд хувь заяагаар төрсөн хүн бол Сэрүүн Галттай нутгаа
сэтгэл сэнсэртэл санадаг Сэнгийн Эрдэнэ юм. Чухамхүү сэтгэл будангуйрах цагтаа
л гэгээн дүрийг нь дуудан ирүүлж, гэрэлт уянгын мөрүүдийг нь уншиж зүрхээ
баясгадаг билээ. Эрдэнэ, Чимид, Буриа­дын нэрт зохиолч Дашрав­дан Батожабой
нартай жаран таван онд Баян-Өлгий аймаг руу хамт явж саданс­сан билээ. Эрдэнэ
тэрхүү аян замаас ирээд “Алтай” хэмээх алдарт нийтлэлээ бичиж бид­нийг
бахдуулсан юм.  “Алтайн оргилд дун цагаан салхи салхилж байхад,
наахнуур нь хар салхи, улмаар Ховд голын намиатсан шугуйд шар салхи
тэнүүчлэн” буйг өнгө­ний яруу мэдрэмжээр гаргаж, өөрийг нь Александр Блок
лугаа зүйрлэх сэтгэгдлийг төрүүлсэн дээ. Жаран есөн оны наадмын өмнөхөн Мон­го­лын
соёл урлагийн өдрүүд Узбект зохиогдох болж ба­гийн бүрэлдэхүүнийг Намын төв
хорооны улс төрийн тов­чооны гишүүн, Сайд нарын зөвлөлийн нэг­дүгээр орлогч
дарга Д.Майдар толгойло­хоор бол­лоо. Нэрт уртын дуучин Н.Норов­банзад, уран
нуга­раач зууны манлай Но­ров­­сам­­буу, төрийн шагналт хөгж­мийн зохиолч
Ц.Намс­рай­жав, ардын жүжигчин Д.Жар­гал­сайхан гээд урлаг соёлын том
бүрэлдэхүүн явлаа. Сосор­барам, Лувсан­чүл­тэм гээд дарга, сайдууд явсан ч
Майдарын дэргэд үнэндээ жижиг амьтад байв. 

-Зохиолчдоос С.Эрдэнэ
баа­вай та хоёр явсан хэрэг үү?

-Тэгсэн. Бид хоёрт хамт явах завшаан тэгж тохиодог юм. Явуу, Цэдэндорж хоёр
онгоцны буудлаас халам­цуу­хан үдэж өглөө. Эрхүүд түр буулт хийх үед Эрдэнэ
хамт явсан хүмүүсийг дайлан дарс ууж, миний пиджаакны арын халаасанд замд ууна
хэмээн мөнгөлөг цагаан толгойтой оргилуун дарс хийсэн нь халаа­­сыг цоолон
цухуйгаад амьтныг инээлгэж байхав.  Онгоц яг нисэх болтол бид хоё­рын
гадаад паспорт олд­дог­­гүй багагүй сандаргалаа. Тэг­тэл ашгүй Эрдэнийн гар
цүнх­­­нээс олдов. Майдар дар­га урд талын суудлаас өн­дийж “Хэн онгоц
саатуулаад байна аа” гэж зандрангуй дуугардаг юм. Энэ үед Эрдэ­нэ дув
дуугүй сууж байв. Онгоц нисч өндрөө авах үед Эрдэнэ жүжигчдийн арын суудлаас
гэнэт босч ирээд “Тэр Майдар юу юм” гэж чанга хашгирснаа буцаад
нугдай­гаад нуугдах маягтай суучи­хав. Эрдэнийн тэгж хашгир­сан нь олон хүний
зүр­хийг хагалчих шахаж би­лээ. Согтуу хүн сохор ухаан­тай гэгчээр онгоц өндрөө
авсан үед “хэрэг” тарихаа мэдэж байхгүй юу цаад чинь. Сүүлд нэр цол
олсон хойноо баавай­тайгаа Америк руу дөрөө харшин Потомак мөр­ний гүүрэн
дээгүүр үдшийн сэрүүнд хамт алхан, улмаар Вашингтоноос Нью-Йорк хүр­тэл
засмалаар давхин

“Нарны наагуур явахгүй
л аад

Нарийнхан жороогийн хэрэг
юув

Насандаа намхандаа
ханьсахгүй л аад

Наадуулж явахын хэрэг
юув”
гэж буриадаар дуулал­дан жаргаж явсан. Сүүлд нурсан
худалдааны хоёр өндрийн нэгнийх нь гурван давхраас Цэрэндэжид, Цэн­дээ нартаа
гоёлын нүдний шил авч, Бродвейн шөнийн солонгон гудамжаар далан найман настай
элчин дипло­мат Д.Жаргалсайхан гуай­гаар газарчлуулан тэнэж явлаа. Тэрээр
өнгөрөхийнхөө өм­нөхөн “Монголын уран зохиолын алтан үеийн алдарт­­нуудын
нэг Шаравын Сүрэнжавт дурсгав” гэж “Тэн­гэ­рийн хөвүүний эцэслэл, Хар
хун шувуу” номондоо бичиж өгснийг мартамгүй ээ. Саяхан арван боть нь
хэвлэг­дэж, Бат-Үүлийн охин авчирч өгсөн. Эрдэнэ баавайтайгаа явсан он жилүүдээ
энэ мэт дурсана гэвэл зузаан гэгч боть болох нь мэдээж дээ.

-Олон хүний тухай зузаан
зузаан ботиуд бичнэ дээ. Гол учир нь та өнөөдөр утга зохиолын амьд домог
болжээ. Хэн бугай ч маргах­гүй байх. Чимид гуайн тухай асуумаар байна, таны
хөрөг нийтлэл ч бий?

-Далан есөн оны хоёр­дугаар сарын нэгэн жихүүв­тэр шөнө билээ. Хэдэнтээ
үргэлжилсэн үүд тогшилт на­майг сэрээлээ. Гэрэл асааж цагаа харвал өглөөний дөр­вөн
цаг хагас. “Өдийд хэн ирдэг билээ” гээд гайхашир­сан янзтай үүдээ
тайлтал Чимид зогсч байна. Чими­дийн ирсэн сургаар эхнэр, том охин хоёр ч
ухасхийн бослоо. Түүний зовхи нь бүлцийн нүүрэнд нь хөхөлбөр өнгө тодорч хоолой
нь сөөнгөдүү байгааг ажихад мань хүнд юуны түрүүнд “зуу” хэрэгтэй
байгааг би мэдэрч байв. “Цай яахав, цай яахав” гээд түшлэг­тэй зөөлөн
сандал дээр ядран­­гуйхэн налж суусан нь одоо ч нүдэнд үзэгддэг. Эх­нэр, охин
хоёрынхоо чөлөө­­гөөр би түүнд “татах уу” гэхэд “Ашгүй чамд
байгаа юм уу” гээд биеэ тэгшилж байсан сан. Түүнээс хойш нэг жилийн дараа
аугаа их Чимид энэ хорвоогоос буцсан юм даа. “Чимидийн бие тун тааруу
байна” гэх яаралтай цахил­гаа­ныг Цэдэв, Явуу нарын хамт Москвад хүлээж
авсан наян оны бүүдгэр тэнгэрийн өнгө насан туршид санаанаас гарахгүй байх.
Чойжилын Чимид бол хар залуугаараа алдаршсан. 13-тайдаа Мар­шал Чойбалсанд
үнэлэгдэн түүнд анхны шүлгээ уншин шагнуулж, нам засгийн хэв­лэлд гарч, тив
дэлхийгээр тойрч ертөнцийн сайхан хүүх­­нүүдтэй ч уулзан учирч дэлхийн
сонгодгуудтай нэгэн зиндаанд явсан нь үнэн юм. Гучин жилийн ойн кино дэлгэ­цэнд
Чимидийн “Жаргалын зам” дууриа уншиж буйг хара­хад ямар чиг бахтай
билээ дээ.

-Чимидийг Зохиолчдын
хороонд байх үед та хоёр их л ойр байсан гэдэг?

-Ээ хэлээд юүхэв. Тэр бүх дурсамжийг ярина гэвэл барах­­гүй л дээ. Гэхдээ бодол
санаанд гэгээн сайхнаар үлдсэн өдөр хоногууд цаг хугацаа алсрах тусам улам тод
санагдах юм. Жаран до­лоон оны үед Чимид Зохиолч­дын хорооны орлогч даргын алба
хашиж байлаа. Миний бие тэрхэн үед овоо том гэг­дэх “Миний дуулах
ертөнц” буюу жүжигчин гэж нэршсэн найраглал бичиж хэвлүүлээд шагналаа
цохуулж авахаар Чимидийн өрөөнд орлоо. Тэр ихэд уриалгахнаар 7500 төг­рөг
олгохоор баримт дээр бичиж өгөв. Нярав Ложоо гуайгаас мөнгөө аваад гарч ирвэл
мөнөөхөн цохолт хий­сэн дар­га маань үүдэнд тосч байна. “Гадаа Энэтхэгийн
элчинд үйлчилж байгаа хар тэрэг бий. Чи түүнд ороод суу” гэлээ. Шалмагхан
алхалж гараад өнөө ганган хар ма­ши­ны хаал­­гыг татвал арынх нь суу­дал дээр
Явуу, Эрдэнэ хоёр сууж байдаг юм аа. Би тэднийг хараад баярлана биз дээ. Чимид
жолоочийн хажуу талын суудалд суугаад “Эх­нэр чинь хаана билээ” гэж
асууж байна. “Их дэлгүүрийн яслийн эрхлэгч шүү дээ” гэлээ. Тэр даруйд
“Их дэл­гүү­рийн үүдэнд очоод зогсоо­рой” гэж жолоочийг захирав. Утга
зохиолын аваргуудтай яваадаа би дотроо бахдан баярлаж ганган хар машины минь
цонхоор “намайг хүмүүс хардаг ч болоосой” гэж ийш тийшээ сэрвэлзэж л
явлаа даа. Тийм л сайхан цаг үе байж шүү. Их дэлгүүрийн үүдэнд ирээд Чимид
“за чи яваад эхнэрээ аваад ир” гэв. Би дорхноо таван давхарт гарч
Цэндээг дагуулаад ирнэ биз дээ. Ингээд шагналын мөнгөнөөсөө таван мянгыг нь
Цэндээд гаргаад барилаа. Зузаан гэгч зуутын ногоон дэвсгэрүүд атгуултал Цэндээ­гийн
баярлаж байгаа гэж жиг­тэй­хэн. Гутлынх нь ул гялал­заад их дэлгүүрийн шатаар
алга болж билээ. Горькийн сургуулийн дээд курсийн оюут­­ны байрны долоон давх­рын
өрөөндөө унтаж байтал шөнө дүлээр жижүүр орос авгай гүйж ирэн үүд нээгээд
“Танай Элчин сайдын яам­наас яарал­­­тай ярья гэж бай­на” хэмээн
сандруухан хэлэ­хэд нь би ч муу л юм бодлоо. Зүрх түгшин, нэг л халгасан янзтай
утасны харилцуур автал “Бай­на уу, Чимид ах нь байна аа” гэх нь тэр.
Цааш чагнавал “Би Хар далайд эхнэртэйгээ амраад буцаж явна. Одоо бол
Россия бууд­лаас Цэвэл­сүрэн­гээс оргоод Чойжилынд байна. Чи банди нарыг дуу­даж
сэрээ” гэж би­лээ. Банди нар гэдэг нь Гоь­кийн сур­гуульд сурч байсан
оюутнууд буюу Готовын Нямаа тэргүү­тэй Монголын нэртэй зохиол­чид байсан даа.
Бид бол аугаа их Чими­дэд нээрээ л банди нар юм. Дээр нь тэр тэгж гоё дотно­суулж
хэлдэг хүн байж.  “Сүрэн­жавтай ярья, Монго­лын Элчин сай­дын яамнаас
ярьж байна” гэдэг нь орос ав­гайг хуурах заль л байхгүй юу. Чи­мид бол
түүнээ мэднэ ш дээ.          

-Ламзавын Вангантай та
бас л ойр явсан даа?

-Жаран найман оны найм­­­­­­дугаар сарын хуучаар билээ. Дорнод аймгийн төвөөс
Халх голыг зорин цэргийн ачааны жаран гурав машинтай хэдэн хүн гарсны дотор
Ванган бид хоёр явж байв. Тэгэхэд би цэл залуу­хан байж дээ. Ванган гуай ч
гэсэн идэрхэн байв. Эр хүний 49 нас гэдэг бол залуу биз дээ. Их эрт нэрд гарч
олон хүн гуайлж хүндэтгэдгээс болоод нэг л настай ахмад хүн шиг санагддаг байсан.
Ванган том зохиолч хэрнээ миний ижил ачааны машины тэвшин дээр улаан тамхи
угзарч явсан нь хачирхалтай. Яриа хөөрөө нь бүр чиг энгийн. Ачааны 63-ын тэвшин
дээр сууж яваа хүмүү­сээс огтхон ч ялгарах зүйлгүй. буурал орж яваа пинтүү мая­гийн
халимагтай, булцгардуу намхан бор хүн явлаа. Ан­заар­­сан хүнд бол энгэр дээр
нь гялалзаж байгаа өл­зий утастай төрийн шагналт­ны тэмдэг нь л бусдаас арай
өөр гэдгийг нь тодруулж бай­сан даа. Вангантай холбоо­той олон дурсамж хэлмээр
байна. Гэхдээ жаран найман оны намар сэтгэлд хөндүүр­лээд амаргүй. Монголын
соёл урлагт ёстой нэг гай нүүрлэ­сэн он байсан юм. Чехийн жүжигчдийн автобус
Туулын гүүрний урд мөргөцөгт онхол­дон хөрвөөснөөр эстрадын од болсон бүх л
чуулга сүйрч, түүний улмаас олон хүн ажил албанаасаа хагацсныг бид мэднэ.
Доржсүрэн байцааг­дан орлогч сайдаасаа ава­хуулж, Сосорбарам сайд Дорнодын
театрын ойд орол­цон эзгүй байснаар Лодой­дамба гуай тулгагдан Чехийн үймээн
дундуур олон шари­лыг хүргэн түнээсээ гайтсан уу, хоёр жилийн дараа хор­воог
орхиж, Ванган маань удалгүй шарлан тэр намраа явчихаж билээ. Түүнээс хойш нэг л
хэсэгтээ Монголын урлаг соёлын нуруу хотойх шиг болж удтал тэнхрээгүй юм даа.
Түүхэнд нэг хүний үүрэг бага, энээ тэрээ гэлцэх боловч үнэн хэрэг дээрээ гоц
гойд хэдхэн хүн л тухайн цагийнхаа ачааг нуруун дээ­рээ авч явдгийг Ванган,
Лодой­­дамба нарын амьдрал харуулсан. Жаран найман оны намар Ванганыхаа амьд­­­­­ралын
сүүлийн жилүү­дэд тийнхүү халуун бөөрөө нийлүүлж хамт явжээ. Хөдөө айлуудад
адсаган дээр нь өвөртөө унтаж, сэтгэлээ дэв­сэн ярилцахдаа Ванган гуай минь тэр
аяараа зохиолын баатар шиг, амнаас унасан үг бүхэн зохиол бүтээлийн зам мөртэй
нягт холбогдож бай­сан сан. “Намайг сайд бай­хад…” гээд эхэлдэг
яриа нь  үнэндээ ер бус. Дандаа л эгэл хүмүүсийн тухай хөвөрнө.

“Ертөнц амилах хавар
цаг аа, чиний урьхан инээмсэглэлд согтуурч

Есөн төө чулууны дор
нойрссон нөхрөө дуудан ярилцмаар бодогдоно”
гэх мөрүүдийг би
аугаа Ванган­даа зориулсан юм даа. Монголын театр урлагийн түүх Ламзавын
Вангангүйгээр бичигдэх учиргүй билээ.

Явууд загнуулчихаад “Дахиад шүлэг бичихгүй” гэж өөртөө тангараг тавьж байсан сан

 

-Өмнөх
ярилцлага­даа Чимид, Эрдэнэ, Ван­ганы тухай ярьсан. Энэ удаад мөн л
авар­гуудын талаар асуу­маар байна. Бямбын Ринчен гуайтай
та хэр ойр байсан
бэ?

-Тавин нэгэн онд Ав­дар­баяны бага сургуу­лийг төг­сөөд нэг жил хөдөө гарч мал
малласан юм. Гэвч сургууль соёлын мөр хөөх тухай бодол өдрөөс өдөрт лавширч,
тархи толгойд хүндрээд болдоггүй. Эрдмийн зүг тэмүүлэх сэтгэ­лийн жи­гүүрийг
Авдарбаяны уулс, Цантын голд ургуулж өгсөн хүн бол Бямбын Ринчен гуай.

Түүний туурви­сан “Үүрийн туяа” роман намайг адууны бэлчээрт ява­хад
хэвлэгдэж, “Цог” сэтгүүлд “Тарас Бульба” туужийн орчуулга
цувралаар нийтлэг­дэн дугаараас дугаарыг шим­тэн хүлээхэд хүргэж байлаа. Би
гэдэг хүн “Үүрийн туяа” романд өөрийн эрхгүй сэтгэл татагдан, айл
айлд уригдан очиж ярьсаар сүүлдээ Ринчен багшийн үг найруулга ой тоонд
хоногшиж, нэрийг нь харалгүйгээр түүний бичсэн зүйлийг хэвлэлээс ялган тань­даг
болсон. Ингээд малчны хүү би тавин найман онд Монгол Улсын их сургуулийн босгыг
догдлон алхсаны сүүл­чээр эчнээ танил болсон эрдэмтэн зохиолчтойгоо нүүр учрах
завшаан тохиосон доо.

-Их эрдэмтэнтэй уул­заж,
үг яриаг нь сонсч явсан дурдатгалуудаасаа хуваалцахгүй юу?

-Жаран нэгэн оны гурав­дугаар сарын зургааны үдэш Их сургуулийн 170 дугаар
өрөөнд Ринчен гуайтай уул­залт хийснийг мартдаггүй. Дорно дахины хүн гэдгээ
илтгэсэн хөх өмд, хүрэн тэр­мэн дээл дээр мөнгөн арал­тай бүс бүсэлчихсэн нь
сонин сайхан харагдаж билээ. Мөрөө шүргэсэн буурал үс, дээд уруул дээрээ хоёр
тийш сэрвийлгэсэн сахал тэргүүтэн нь овор оруулсан болохоос уг нь ануухан хүн
байв. Царайд нь үрчлээ ховор, духаараа ширтэн духайж, толгойгоо үл ялиг
сэжисхийн ярихад нь бид бүгдээ ам ангайн сонсч бай­сан даа. Ринчен багшийн
лекцэнд олонтаа сууж, Зохиолч­дын хороонд болон гэрээр нь хааяа учралдан ярьж
явсан туульс сэтгэлд долгилдог юм. Нэгэн өдөр шар торгон дээлээ намируул­саар
Зохиолчдын хороогоор ороод ирэв. Бие багавтар хийгээд билбүүрдэж гүйхдээ
шаламгай нэгэн Ринчен баг­шийн өөдөөс гүйж очоод тол­гой дээрх дугуй малгайных
нь оройны товч унасны ормоор буурал үс нь цухуйж буйг ширтэн “Ринчен гуай
таны наад толгой дээрх чинь мал­гай юм уу, юу юм” гэхэд, Миний энэ ч
эрдэмтний гэгээн тэр­гүүн дээр тавиастай юм боло­хоо­роо малгай нь чиг малгай л
даа. Харин таны наад ган­ган бүрхний доорх чинь толгой юм уу, юу юм бэ гэж
билээ. Мань хүний сэтгэх аяс нь циркийн шидэх банзны ойлт шиг бодох завгүй тэр
дор нь хариу өгдгөөрөө гайхал­тай. Улаанбаатар зочид буу­далд М.Цэдэндорж бид
гурав дотносон ярилцсан хормыг мөн л сайн санаж байна.

-Тийм үү, түүнээ тодот­гооч?

-Зөвлөлтийн монголч эрдэм­тэн Клара Якоповская авгайг хүлээх зуур бид гурав энэ
тэрхэнийг ярьж билээ. Ринчен гуай сахлаа имэрс­хийн “Би нэг айхтар юмтай
учирч билээ” гээд цааш ярь­сан нь “Ерөнхий сайд асан Амар гуайг сахал
багшид (Сталинг хэлж байна) бараал­­хахад би хэлмэрчээр дагаж Москвад очсон юм.
Амар гуай Сталинтай уулза­хын өмнө ихэд сүсэлж хадаг бэлтгэж ёс төрийг дээдэлж
байлаа. Төрийн өргөөнд нь очоод сахалтад яг бараалхах үед тэднийхэн өөрсдөө
орчуул­на гээд намайг үүдэнд үлдээлээ. Ороод зөндөө удлаа. Тэгж тэгж гарч
ирэхдээ Амар гуай үхсэн хүн шиг үнсэн хөх царайтай болчих­сон “За ёстой
амьдын хар нүгэлд ганц мөсөн уналаа даа. Гучин мянган хүний тол­гой залгих
хэрэгт тулгагдлаа” гэж гутран цухалдаж байсан сан. Сталинд ч нэгмөсөн
сүжиг нь буурсан юм даг” гэж тамхиа асаан ойр ойрхон сорж бодлогошрон байж
билээ. Ринчен багшийг таа­лал төгссөн тэр хавар нэг л гунигаар дүүрсэн, элгэн
цаа­на үүлс бараагнасан сонин цаг улирал өнгөрч билээ.

-Одоо Явуугийн тухай
яриач. Жараад оны “унага”-нууд болох Бадарч, Пүрэв­сүрэн, Дулмаа,
Шагдасүрэн, хоёр Шагдар та бүхэн Явууг багшаа гэж ихэд дотносдог доо?

-Түүний яруу найраг нь түүний шавь нарыг төрүүлсэн юм. Жараад оны бид нар эсэн
мэнд байгаа цагт Явуу бидэн­тэй хамт Монголын утга зохиолд мөнх оршиж буй.
Тэрээр яруу найрагт үнэндээ шинэчлэл хийсэн хүн. Үг өөрийн өнгө гэрэлтэй, хөг
аялгуутай байдгийг чухамхүү тэр л бидэнд хэлсэн. Шүлэг найргаар ид өвчилж явах
үедээ Явууд бут ниргүүлэн “дахиад шүлэг бичихгүй” гэж өөртөө андгай
тангараг өргөж явсан өдрүүд надад бий. Яруу найргийн зөвлөлийн дэргэдэх
нэгдлээр залуучуу­дын шүлэг зохиолыг хэлэлц­дэг байлаа. Миний шүлгүүд бусдаас
арай л өөр мэт санаг­даад, өөртөө их итгэлтэй байх үед “Чамд зүрхний үг
хэрэгтэй байна.Уянгын хөг аяс дут­маг…” гэж баахан шүүмжлээд хэлэх үггүй
болгосон сон. Шүлэг бичихгүй гэж байсан хүн чинь долоо хоноод тэсгэл­гүй үзэг
цаасаа шүүрч билээ. Явууд донгодуулсны дараахь шүлгүүд нэг л өөр болоод,
өмнөхүүдээ уншиж үзэн ихэд голж байлаа. Тэгээд нэгэн багц шүлгүүд өвөртлөн Явуу
багшийн гэрийн босгыг зоримогхон алхаж “Би чамаас ийм л юм хүсээд бай­лаа”
хэмээн талимаарсан нүдээр хэлэхэд нь сэтгэлд баяр төрж билээ. Далан хоёр онд
“Нутгийн цэнхэр уулс” номоороо Монголын зохиолч­дын эвлэлийн шаг­нал
хүртэхэд Явуу багш манайд хэд хоног тухалж Цэндээгээр хоол хийлгэн, ганц нэг
юмны бөглөө мултал­сан шигээ сэтгэлийнхээ үгийг ярилцаж байсан даа. 
Намайг Горькийд суралцаж байхад захидал явуулж түүндээ “Лхамсүрэн, Гайтав,
Чимид нарыг үгүйлж буйгаа дурдаад Чехэд суугаа дүү Амартаа хэдэн хайрцаг тамхи
явуу­лах”-ыг аминчлан захисан байв. Наян нэгэн оны хавар нарлаг Казахстаны
нийслэл Алма-Атад хамт зорчиж, Ала-Тоо уулын үүл манан хуралд­сан алаг хөх
оргилуудыг сэтгэл хөдлөн харж явсан сан.

-Өнгөрөхийнх нь өмнөх
жил байж шүү?

-Тийм юм. Бидний сүүл­чийн аялал байсныг тэр үед даанчиг бодоогүй явж билээ.
Агаарын хөлгийн гэгээвчээр харахад Балхаш нуур тэртээ дор цэнхэртэнэ. Балхаш
нуурын тухай багадаа уншиж байсан шүлгийн мөрүүд санаанд орж түүнээ өгүүлэ­хэд
Явуу багш урд талын суудлаас эргэн харж зөөлхөн инээмсэглээд “Багын юм
санаа­наас гардаггүй юм. Би аавынхаа авласан ангаа ганза­галаад ирж байсан дүр
зургийг ер мартдаггүй. Тэгээд морио амгайвчлан услахад савируулсан дуслаас нь
цагираган хээ татуулан түүн дотор аавын минь залуухан дүр төрх далбилзан хараг­даж
байсан нь бодол оюунд тодхон байна. Тэр тухайд шүлэг зохиолдоо ч оруулсан
даа” гэв. Тэгээд намайг нут­гаа­раа хамт очихыг хүсэм­жилж байлаа. Явуу
багшийг бие барсны хойтон жил төр­сөн нутагт нь очиж, цаст гэгээн
Отгонтэнгэрийн тэргүүн оргил өөд хараа бэлчээн зогсохдоо Явуугаар ямар их
дутаж, түү­нийг үгүйлэн гансарч “Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төр­лөө,
би” гэх гайхамшигт найр­гийг нь уншин нүдэндээ нулимс­тай явсан даа. Дараа­хан
нь би Хар далайд амрах­даа мөн л тэсэхүйеэ бэрхээр санан шөнө дүлээр босч
“Алаг дэлхийд төрсөн минь учир­тай” хэмээх хөрөг тэмдэглэл бичээд
санаа жаахан ч гэсэн уужирч байв. Явуу бол үнэн­дээ ер бусын хүн байсан. Халх
Монголыг даасан Очир­ваани бурханы дүрээр мөн­хөр­сөн уул Отгонтэнгэр хайр­хан
Монголын яруу найрагт нэгэн хүү өгсөн нь Явуухулан юм даа. Түүнтэй ойр дотно
явсан минь яасан их хувь заяа вэ. Явуугийн надад үлдээсэн ширэн гэртэй гоёлын
хутга, дотуур хантааз, тэхийн дүрс бүхий бариултай үнсний сав зэргийг нандигнан
хадгалдаг юм аа.

-Цэгмидийн Гайтав гуайн
тухай бас асуулгүй өнгөрч болохгүй нь…?

-Гайтавыг надтай Дор­жийн Гомбожав танилцуулж билээ. Тэрээр хэлэхдээ “Энэ
нөхөр хүн нь алт шиг сайн хүн байгаа юм. Даанч буруу замаар явчихсан” гэж
байсан. Буруу замаар гэдэг нь нөгөө намын шүлэг голчлон бичдэ­гийг нь хэлснийг
хожим ухаар­сан даа. Хүний хувьд бол нээрээ л одоо болтол түүнийг муулж хэлж
байгааг нь би лав сонссонгүй. Хүнээс мөнгө зээлбэл яг л хэлсэн цагтаа өгдөг,
худлаа хэлдэггүй, дээш доош нь бичиг цаас шиддэг­гүй, тушаал хэргэм хөөцөлд­дөг­гүй,
долгинож шарвахыг тэвчдэггүй, нүднээс далд муу хэлдэггүй, нүүрэн дээр нь шүлэг
зохиодог зарчим, намч хүн байжээ. Тэр ямар ч согтуу байсан айлд хонодоггүй
байлаа. Жаран хэдэн оны зун Хүрхрээгийн зусланд бид наргиад шөнө дунд өнгөрч ор
дэр засуулсан байтал Гайтав заавал харина гэж зүтгээд Бадарч бид хоёр үглэж
дуулж байж Баянзүрхийн гүүр гаргасан. Харанхуйд сондуул дундуур бүдчүүлэн явж
хот орох машинд суулгаж өгсөн юм даг. Түүнийг намын шүлэгч энээ тэрээ гэж
“ухаант­нууд” цоллох гээд байдаг. Би л хувьдаа зүрхний хөг чавхда­сыг
хөндсөн, ард түмний цэцэн цэлмэг авьяасыг шин­гээ­сэн яруу сэтгэлийн уянгыг
ухааны номлолоос дорд үзэ­хийг зөвшөөрөхгүй ээ. Гайтав бөхөөр зүйрлэвэл тавиад
оны дундаас сүүл үе хүртэл дэвжээн дээрээ босоо байсан шиг санагддаг. Түүнд
цагийг эзэгнэн дийлдэшгүй явсан үе бий. Ямар сайндаа Эрдэнэ­батын Оюун
“Миний үеийн цогт яруу найрагч” гэж түүнийг бахдан бичиж байхав дээ.

-Ингээд л өмнөх үеийнх­нийхээ
тухай, Монголын утга зохиолын домог бол­сон хүмүүсийн талаар танаар яриулахад
амттай байна. Донровын Намдаг гуайтай та бас л наана цаана явсан даа?

-“Амьдрал судлах гэдэг зохиолчид гол зүйл. Амьдрал бол мөнхийн багш.
Амьдра­лаас юм авна гэдэг авьяастай холбоотой. Авьяас гэдэг бол эмзэглэл”
гэж Намдаг гуай онцлон хэлдэг сэн. Нэг удаа өмнөх ширээгээ гараараа алгадаад
“Муу зохиол бичсэ­нээс бичээгүй нь дээр. Хүн өөрийнхөө дотрыг гадагш нь
дэлгээд харуулж буй хэрэг. Би ийм л хэмжээний хүн гэдгээ үзүүлж байгаа явдал.
Тэгж өөрийнхөө мууг амьтанд дэлгэж харуулахын хэрэг байна уу даа” гэж
нухацтай өгүүлсэн билээ. Далан оны өвлөөр Намдаг гуайтай Дундговь аймагт
“Уран үгсийн чуулган”-аар цуг явж байхдаа хээр хөдөө машинаас буун
хоёулахнаа цастай талаар агаарт сэлгүүхэн алхаж явах­даа нэгэн зүйлийг аминчлан
асуусан юм. Тэр нь өнөөх архины тухай л даа. “Нацаг­дорж архинаас болсон
гэлц­дэг. Таны үед одоо шиг намын хурлаар оруулна гэж байгаагүй. Шөнийн хэдэн
цагт ч тогшсон хужаагийн цонх бэлэн архи өгдөг байсан цаг. Та энэ бүхний
хаагуур нь өнгөрсөн хэрэг вэ” гэхэд хэсэг дуугүй бодлогошрон алхса­наа
дуугаа өндөрсгөн толгой­гоо цогнолзуулаад “Тэгэхээр болбол ийм юм. Хэрвээ
би архи уувал миний дайснууд баярлана. Ухаантай хүн болбол дайснаа баярлуулъя
гэж боддоггүй юм” гэв. Тийм л бодлын чагт тавьж өөрийгөө захирахын эрдмийг
үзүүлсэн хүн билээ. Энэ хүний үг миний нэг насны турш мар­тагд­сангүй. Ухаантны
үг тийнхүү мэргэн тарни лугаа хүний амьдралд тус хүргэдэг байна. Би уг нь
Намдаг гуайд хадаг барьж шавь орсон ч түүнээ нэг их ярьдаггүй дээ.

-Яагаад?

-“Дуулалт жүжиг зохиоход чинь тустай байж магад” гэж хэлүүлсний учир
би гэрт нь очсон юм. Энэ тухай Х.Занд­раа­байды “Заяа дутсан бурхад”
номондоо халуунаар дурссан нь бий. Багаасаа зохиол бүтээлийг нь уншиж биширсний
хувьд сэтгэлээрээ эрт шавь орсон гэж болно. Тэгэхдээ би мөн л Зандраа­байдыгийн
адил багш гэж хэлж заншаагүй юм. Далан найман онд Өвөрхангай аймагт “Уран
үгсийн чуулган” болж Намдаг гуай бид хоёр нэг гэрт хамт хоноглосон юм.
Тэгэхэд би түүнээс бас нэг сонирхсон зүйлээ асуугаад амжиж билээ. “Та
шоронгоос яаж гарснаа ярьж өгөөч. Гар­сан даруйдаа ямар санагдаж байв. Орох айл
уулзах хүн хэр олдож байсан бэ” гэхүйд “Би арван жил аваад зургаан
жил, найман сар, хорин гурав хоносон юм. Шоронгоос гаруут шууд яваад очих газар
байдаггүй. Гурван хүүхэдтэй эхнэр минь байсан хэдий ч сүүлдээ тэсвэр нь
барагдаад хүнтэй болсон хэрэг. Шөнө дүл болтол ногоон дээр жаал суулаа. Салхи
сэвэлзэж, тэнгэрт од мичид гялтганан, хаа нэгтээ ноход хуцаад нэг л чөлөөтэй.
Сэтгэл ч уужрах шиг. Ямар ч гэсэн эндээс холддог хэрэг гэж бодоод хэд алхлаа.
Эргэж харахад шоронд үлдсэн нөхөд минь зовж байгаа нь нүднээ тод­ров.
Шаравдоогийнд л ордог юм билүү дээ гэж бодогдож байлаа. Театрын ажилчдын байр
Хэвлэх үйлдвэрийн тэнд байсан юм. Айл амьтан унт­чих­сан байдаг. Тэгтэл ашгүй
нэг айл гэрэлтэй байхаар нь хаалгыг нь таттал үүдэнд нь байсан хүн цочихдоо
огло харайн хоймортоо гарч бай­сан. Аргагүй шүү дээ, улс төрийн хэрэгтэн орон
шорон­гоос гарсан хүн шөнөөр гэнэт ороод ирэхээр…” гэж ярьж байсан даа.
Намдаг гуай амьдралын булингарт урсга­лыг тэгж л сөрж орчлонгийн сайн мууг үзэж
ухаажсан хүн байв. Миний бие хэсэгхэн хугацаанд Явуугийн оронд зөвлөлийн
эрхлэгч хийж байх­даа “Намдаг зохиолч “Цаг төрийн үймээн” рома­наа­раа
төрийн шагнал хүрт­жээ. Харин жүжгийн зохиол­чийн хувьд юмгүй байна”
хэмээн Цэдэвт хэлж “Ээдрээ”, “Оролмаа” жүжгүүдийг нь
шагналд дэвшүүлэн Соёлын яам ч дэмжсэн юм. Ингэж Намдаг гуай сэрүүн тунгалаг­таа
төрийн шагналыг хоёр дахь удаагаа өөрийн ууган шавь Дэмбээгийн Мягмарын хамт
хүртэж магнай тэнийсэн билээ.

Үргэлжлэл бий.

Н.Гантулга

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Увс хүн монгол хүн мөн үү?

“Увс хүн хөгжлийн хөтөч загвар” гэсэн ном гарчээ. Энэ юун тухай ном
вэ гэвэл увс гэдэг хэсэг бүлэг хүмүүс сайн сайхан амьдрах тухай л өгүүлсэн бүтээл
аж. Энэхүү номыг Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны арванхоёрдугаар
сарын 25-ны өдрийн хуралдааны тогтоолоор баталсан байна. Хөтөлбөр батлах тухай гэх
тогтоолыг нь дурдъя л даа. “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний
удирдлагын тухай хуулийн арванесдүгээр зүйлийн 19.1 дэх заалтыг үндэслэн тогтоох
нь:

1.Увс хүн хөгжлийн хөтөч загвар хөтөлбөрийг баталсугай

2.Хөтөлбөрийг хэрэг­жүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж, шаардагдах
хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг жил бүрийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх зорилтонд
тусгаж, сурталчлах ажлыг аймгийн Засаг дарга (Э.Цасчихэр)-д даалгасугай” гэсэн албан
тоотын хавсралт номын эхэнд байна. Увс хүн хөгжлийн хөтөч загварыг боловсруулах
эрдэмтдийн багт гавьяат багш, доктор Ц.Дэмбэрэл, түүхийн ухааны доктор На.Сүхбаатар,
академич Ч.Авдай, дархан аварга Х.Баянмөнх, хүн судлаач доктор Ж.Батсуурь, философич
доктор Б.Батчулуун гээд багагүй олон хүний нэрс байна лээ. “Увс нутгийн хөгжлийн
хэмжүүр нь Увс хүний хөгжил мөн” хэмээн уг номын тэргүүн бүлэг эхэлж байна. Тэгээд
дараа нь “Увс хүний өмнө тулгарч буй сорилтууд” хэмээн үргэлжлэх аж. “Увс нутагт
дэлхийг хамарсан өөрчлөлт-шилжилтийн зарим нь нутагшиж эхэлсэн бөгөөд мөд бараг
хүчтэй түрэн ирж, Увс хүний одоогийн ахуй амьдралын байдалд хүчтэй нөлөөлөх нь тодорхой
болов. Цаг хугацаа, хүмүүс, нөөцүүд болон төслүүдийг удирдах цоо шинэ хэрэгцээ гарчээ.
Энэ бүгдийг Увс хүн мэдэрч байна. Увс хүн эрин цагийнхаа шинэ нөхцөл байдлыг мэдрэх
төдийгүй түүнд дасан зохицох, түүнд оролцох, улмаар түүнийг өөрийнхөө эрх ашигт
нийцүүлэн ашиглах ёстой болов. Энэ нь увс хүнд тулгарч буй суурь шинжтэй даяар сорилт
бөлгөө” гэжээ. Эл бүгдийг нэг бүрчлэн тогтоож уншихад увс гэдэг тусдаа омог бий
болсон шиг харагдаж байна. Түүнийг нь “Увс хүн, Увс аймаг даяаршсан Монгол Улсад
дангааршин цойлох боломжийг алдах ёсгүй” гэх тодорхойлолт бүр ч батлаад өгөх шиг.

Физик, математикийн шинж­лэх ухааны доктор, профессор К.Цоохүү гэж
хүн “Увс хүн үзэмжит байгаль, эрдэс баялаг, мал аж ахуй­гаараа төдийгүй хамгийн
гол нь хүнээрээ бахархах ёстой. Яагаад Завхан хүн, Ховд хүн, Алтай хүн гэхгүй Увс
хүн гэдэг нэр томъёо Монголд үүссэн юм бэ. Энэ нэрийг бид өөрсөддөө өгөөгүй билээ.
Увс хүний дөжгөө чанарыг бид давуу талынхаа нэг гэж ойлгох нь зүйтэй. Дөжгөө гэдэг
нь зүгээр нэг хөөрсөн сэтгэлийн хөдөлгөөн биш генд нь байгаа зохион байгуулалттай
чанар, бусдын өмнө хүлээх өндөр хариуцлага гэж ойлгох нь зүйтэй” хэмээн увс хүний
мөн чанарыг тодорхойлжээ.

Одоо увс хүн хөгжлийн хөтөч загварын алсын хараа гэдгийг нь тольдъё.
“Эрүүл биетэй, саруул ухаантай, бүтээлч сэтгэлгээтэй оюунлаг увс хүн” хэмээн тодорхойлоод
оюунлаг увс хүн бие эрүүл, ухаан саруул байж бүтээлч сэтгэлгээгээр жигүүрлэн өргөн
уудам нутагтаа түүх соёлоо эрхэмлэн хүндэлж, үндэсний бахархалтай, өндөр боловсролтой,
өөртөө итгэлтэй, хүсэл тэмүүлэлдээ хүрч зол жаргалтай амьдран суух тухай хэлжээ.
“Өргөн уудам нутаг” гэж дэлхийг хэлээд байна уу, Монголыг хэлээд байна уу гэдгийг
нь сайн ойлгосонгүй.  

Цаашлаад “Увс хүн өөрөө­сөө урган өндийнө. Увс хүн өөртөө дүйж хөгжих
ёстой. Өөрөөсөө урган өндийх, өөр­төө дүйж хөгжих нь өөрөө бүрэн биеэ даана, өөрөө
өөрий­гөө болгоно гэсэн явцуу санаа биш юм. Увс нутгийнхаа гадна дотно талыг шүтэн
барилдуулж, өөрийн өнгө төрхөө хадгалан хөгжинө гэсэн үг. Монгол Улсын бусад аймаг
хотоос эдийн засаг соёлын аль талаараа дутуугүй, харин ч хүний амьдралын зарим нөхцөлөөрөө
давуутай, өөрийн гэсэн нүүр царай бүхий Увс аймаг болоход увсчууд бидний эрхэм зорилго
оршино” гэжээ. Увс хүн л сайн сайхан амьдрах ёстой, бүхнийг удирдан чиглүүлнэ гээд
байх юм. Бусад нь тэгэхээр яаж болж байна аа гэх асуулт сөхөгдөх нь мэдээж. “Увс
хүн хүний сайн чанаруудыг өөртөө цогцлоож чадах бөгөөд түүнийг “Увс хүний чанар”
гэнэ. Увс хүний үйлдвэрлэл үйлчилгээний бүхий л төрөлд “Увс чанар” хэмээх бүтээгдэхүүн
үйлчил­гээний шилдэг чанарыг буй болгохыг хичээнэ” гэсэн байх юм.

Харин “Увс хүний хөгжилд саад болж буй хүчин зүйлс” гээд бас хэд
хэдэн зүйлс дурдсаны хамгийн түрүүнд “Увс аймаг нийслэл Улаанбаатараас 1417 километр
алслагдсан” гэсэн нь эрхгүй анхаарал татав. Монгол Улсын нийслэл Улаанбаатараас
алслагдлаа гээд байх юм. Тэгээд түүнийгээ “Увс хүний хөгжилд саад боллоо” гээд байх.
Өөр юунд ойр байх гэж ийн өгүүлснийг нь бас л ойлгосонгүй ээ.  

Бахархам түүхтэй, баатар­лаг өвөг дээдэстэй увс гээд уг бүтээл үргэлжилж
байна. Монголын нууц товчооноос улбаалаад өгүүлсэн Увсын гэх омог аймаг хэсэг бүлэг
хүмүүсийн түүх Монгол Улсын маань түүх байдаг байгаа. Монголчуудын ман­дан бадарч
явсан үеийн үүх түүхийг бичиглэснийг хараад гайхашрав.  Өнөө тусдаа 
хүмүүсийн чинь түүх  Монголын түүх
байсан нь гайхаш төрүүлсэн хэрэг л дээ.

“Увс хүн баатарлаг өвөг дээдэстэй” гэх хэсэгт “Өндөр гэгээн Занабазарын
нагац өвөг, Ойрадын газар нутгийг Ижил мөрөн хүртэл тэлсэн, Дөрвөдийн Далай тайш,
Тод үсгийг зохиож, Ойрадын утга соёлыг жигдрүүлэгч Монгол-Ойрадын шарын шашны их
багш, Хутагтын гэгээн Зая бандида Намхайжамц” гээд бас л Монголын хувь заяатай хүмүүсийн
намтар түүх бичигдсэн байх юм. 

 “Увс хүний хөгжлийн индекц”,
“Увс хүний жендерийн эрх мэдлийн хэмжүүр”, “Увс хүний аюулгүй байдал” гээд уг номд
нэгд нэгэнгүй бичжээ. Увс хүн л хөгжлөөрөө онцгойрч, баяжиж, аюулгүй сайхан амьдраад
бусад нь тэдэнд туслаж, дэмжих үүргийг гүйцэтгэж байхаар л зүйл ойлгогдоод байгаа.
Ингэхэд “Увс хүн” гэх яриа хэзээнээс гарсан бэ гэхээр 2011 оны наадам санаанд бууж
байна. Мөнхбат гэж залуу түрүүлсэн. Увсын харьяат бөх юм билээ. Тэр залууг түрүүлэхэд
“Увс нуур” гэдэг дууг төв цэнгэлдэхэд Увсын хэдэн бөхчүүд дуулсан. Юмны наад цаад
нарийн ширийн учир мэдэхгүй, хэлсэн үг хийсэн үйлдэлдээ бараг л хариуцлага хүлээдэггүй,
ард түмнээ зүгээр л зугаацуулах үүрэгтэй бөх тэх гэх бүдүүн хадуун нөхдүүдээс л
“Увс хүн” гэх яриа тэгж гарсан юм. Уг наадмын дараа “Өдрийн сонин” “Увс хүн монгол
хүн мөн үү” гэж Монгол Улсаас асууж байсан. Гэвч нэг ч хүн монголчуудад уг асуултын
хариуг өгөөгүй. Үндсэндээ “Увс хүн бол монгол хүн биш” эсвэл “мөн” гэж хариулаагүй
гэсэн үг л дээ. “Өдрийн сонин” одоо дахиад асууж байна. “Увс хүн монгол хүн мөн
үү” гэж.  Тухайн үед хэдэн бөх тэх гэх нөхдийн
л яриа юм байна, эсвэл бөхчүүдийг хэлээд байна уу гээд “Увс хүн” гэх ойлголтод нэг
их ач холбогдол өгөөгүй өнгөрсөн юм.

Тэгтэл “Увс хүн хөгжлийн хөтөч загвар” ном гараад дээрх асуултыг
дахин асуухад хүргэж байна. Аймгийн иргэдийн хурал гэдэг төрийн институц билээ.
Тэгвэл аймгийн иргэдийн хурлаараа баталсан энэ ном чухам юуг өгүүлнэ вэ, юу гэж
хэлээд байна вэ. Юмны учир мэдэх, аливаад ултай суурьтай, наанатай цаанатай ханддаг  хүмүүст уг бүтээл, увс хүн гэх томъёолол нэг л
ойлгомжгүй байгаад байгаа. Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын хууль тэргүүтэнд “Монгол
хүн л Монголын төрийг удирдана. Монгол Улсын иргэн УИХ, Засгийн газрын гишүүн, УИХ-ын
дарга, Ерөнхий сайд, Ерөн­хийлөгч байна” гэж зүйл­чилсэн байдаг даа. Энэ хууль одоо
ч Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа.  

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Шагдарын Дулмаа: “Хүүгийн эцэгт бичсэн захидал”-ыг цаг үе өөрөө төрүүлсэн юм шүү

Битүүний өдөр Монгол Улсын ар­дын
уран зохиолч цол хүрт­сэн Шаг­дарын Дулмаа­тай ярилцлаа.

-Морин жилийн босгон дээр Ардын
уран зохиолч хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ. Танаас илүү ард түмэн их баярлаж
байх шиг байна?

-Ард түмэн уншигч олон минь л баярлаж
бай­вал дээдийн буян тэр шүү дээ. Түүнээс илүү том баяр гэж надад юу байх билээ.
Идэр залуу нас­наасаа  би ард түмний хүн болсон.
Үүнийг өршөөлт ижий аав минь хэлдэг байсан даа. Төрсөн аав минь Зана гэж хүн оточ
маарам­ба, номтой мэр­гэн хүн байлаа. Аавын үлдээ­сэн баринтаг­ласан судар манай
үр удмыг үеийн үед дааж явна даа. Ээж минь Мажиг­сүрэн гэж сайхан бүсгүй байлаа.
Ижийгийн минь төрх, гоо үзэсгэлэн надаар дам­жиж үр хүүх­дүү­дэд минь хүрлээ. Би
чинь Уран­чимэг, Саранчимэг гэж хоёр охинтой. Саран­чимэгийн охин Сарнай гэж мисс,
миний зээ бай­на. Саяхан “Азийн од модель” гэсэн шагналыг аваад эх орон­доо ирлээ.
Ингээд бодо­хоор төрүүл­сэн ижий аав хоёр минь яалт ч үгүй хүний дээд байдаг юм
байна. Үүнийг 80 настай би ухаарч байна.

-Та бол Баянгийн уна­ган хүүхэд
санаг­дана?

-Хуучнаар Төв айм­гийн Авдарбаян сумын
хүн. Авдарбаян маш өргөн газар нутагтай том сум байлаа. Газар нутаг нь одоогийн
Баян, Сэр­гэлэн, Баянцагаан гэсэн гурван суманд харьяа­лагддаг. Би Баянгийнх гэж
явдаг, бас Сэргэлэнгийнх ч гэдэг. Яг төрсөн газар маань Сэргэлэн юм. Ма­найх Цээл
шар бүрдний хойд талаар нутаглаж, Сэргэлэнгийн гол овооны урд талд Урт худаг гэдэг
газар зусч байхад би төрсөн юм билээ. Харин аав ээжийн ах дүү нар бүгд Баян сумынх.

-Түрүүнд төрсөн ижий аавынхаа тухай
цухас дурдаад авсан. Одоо өргөж авсан ижий аав буюу өөрөөр нь овоглосон аавынхаа
тухай дурсахгүй юу?

-Шагдар гэж өргөж авсан ачит эцгийгээ
би ёстой л амьд бурхан гэж боддог. Өчүүхэн намайг хүний зэрэгтэй болгосон буянтан
шүү дээ. Аавын­хаа өвөрт очоод, тэр хү­ний манай Хулангийн хэлс­нээр хазайлгаж бо­лох­гүй
титэм шиг нэрээр нь овоглоод би гэдэг хүн өдий зэрэгт хүрлээ. Өнөө­дөр Ардын уран
зохиолч хэ­мээх алдрыг хүртээд байж байна. Энэ бол өргөж өсгөсөн авсан ачит эцгийн
минь буян юм. Манай аав бичиг үсэг мэдэхгүй ч гүйх ухаан сайтай хүн байсан. Амьд­ралын
хар ухаанд нэвч­сэн, цэцэн цэлмэг гэж жигтэйхэн “эрдэнэ хад­гал­­сан авдар” гэмээр
өвгөд хөдөө нутагт байдаг даа. Тийм л хүмүүсийн нэг байв.  -Та ингэхэд яагаад үрчлэг­дэхээр болсон юм
бол оо?

-Тун айхавтар юм болжээ. Би чинь долдугаар
сарын нэгэнд халуун зунаар төрсөн хүүхэд. Намайг гар­гачихаад ээжийн хойдох нь цөг­лөгддөггүй.
Үнд­сэндээ эхэс нь гарах­гүй гурав хоночихгүй юу. Тэр ха­луунд аюул­тай юм болно
биз дээ. Бариач авчраад илүүлж, тойлуулаад нэ­мэр болсонгүй гэнэ. Гурав дахь хоногийн
өглөө аав минь Шагдар гэж мал хуйгаа харуулдаг хүнийг дуудаад “Энэ хүүхдийг танайх
авбал ав. Гэртээ  оруулбал эхийн­хээ толгойг
залгичих гээд байна” хэмээн санд­рангуй өгүүлжээ. Төр­сөн эцэг минь бурхан шашны
хүн байсан боло­хоор нэг юм мэдэж л дээ. Ингэж улаан нялзрай амьтан гэрийн гадаах
сүйх тэрэгний мух­лагт гурав хоноод айлд өргүүлсэн байгаа юм.

-Эхийнхээ ангир уургийг ам­ласан
болов уу?

-Ээж минь үхэх сэхэхийн дэнсэн дээр
байхад би гэдэг амьтан ангир уургаа яаж амлах вэ. Үнээний сүүг хөвөнд дүрээд амлуулж
байсан гэдэг. Тэгээд хүнд өргүүлээд угжны хурга гэдэг шиг угжны хүүхэд болохгүй
юу.

-Өргөж авсан аав ээж тань юу ч
бодолгүй авчихсан хэрэг үү?

-Аав ээж хоёр маань өргөж авах­даа
бас их сандарцгаасан гэдэг. Авч болох эсэхээ мэдэхгүй. Тэгээд нут­гийн­хаа тамгатай
хутагт дээр аав минь хөтөлгөө морьтой, морь сэлгэж давхисаар очсон байгаа юм.

-Тэд хүүхэдтэй байсан уу?

-Хүүхэдгүй байсан. Хэд хэдэн хүүхэд
төрөөд халуун хижиг өвч­нөөр алдчихсан юм билээ. Аав хутагтаас “Хөгшин бид хоёр
голомт залгах хүү өргөж авъя гэж бодож байтал нут­гийн нэг айл охин үрээ өгье гээд
байх юм. Авах уу, яах вэ” гэж асууж. Хутагт шоогоо гурав хаячихаад “Наад охин үр
чинь ямар ч бүстэй хүүхдээс илүү хүн болох юм байна. Нэг л ер бусын хүн буугаад
байна. Одоо бушуухан очиж ав. Харин та хоёр 20 нас хүртэл нь зовох юм байна шүү.
Хэр баргийн газар тогтохгүй амархан бузартах хүүхэд байна” гэж хэлж. Ингээд улаан
нялзрай амьтан Шагдар гэж хүний голомт дээр иржээ. 

-Хутагтын хэлснээр аав ээж хоёроо
зовоосон болов уу?

-Зовоолгүй яах вэ. Гаднаас хүн ирэхээр
хөлсчихдөг. Аав ээж хоёр намайг өвдөх бүрт гэрийн бууриа сэлгэдэг байж. Охин өвдлөө
гээд л нүүдэг байсан гэдэг. Нэг бууцан дээр хэд хонож байсан юм бол, бүү мэд ээ.
Харин арван хэдэн нас хүрч их сургуулийн босго алхсанаар гайгүй болсон доо.

-Хэдэн онд бага ангид оров оо?

-1938 онд зургаан настай байх­даа
Авдарбаянгийн бага сургуульд орсон. Сургуульд орохынхоо өм­нөх жил Хутрангаа гэж
бичгийн хүнээр ном заалгасан юм. Аав тэр хүнд хадаг барьж, намайг шавь оруулсан.
Багш маань надад анх хулсан үсэг­тэй жижиг ном өгч билээ. Монгол бичгийн цагаан
толгой, дөрвөн аргын тоо зааж өгөв. Сургуульд орохдоо би монгол бичгээр түгдрэлгүй
уншиж, дөрвөн аргын тоо төвөггүй боддог байсан.

Хичээлдээ хөдсөн дээлтэй, мон­гол
гуталтай очно. Гэрт хичээл­лэдэг байв. Өвлийн цагт бэх хөлд­чих нь зовлонтой. Амандаа
барьж үлээн гэсгээдэг сэн.

-Та Монголын анхны эмэгтэй найрагч.
Энэ зам мөрийг гар­гахад амаргүй байсан байх?

-Тэгэлгүй яахав. Яруу найраг гэдэг
хэн хүний санаж, бодож, төлөв­лөөд хийчихдэг амар ажил биш. Тиймээс яруу найрагчид
бусдаас арай өөр төрдөг шиг бай­гаа юм. Мэдээж оюун ухаан, сэт­гэхүйгээрээ шүү дээ.
Шүлэг зо­хиолд дуртай болж, улмаар утга зохиолын өргөөнд хөл тавихад аавын минь
нөлөө их бай­сан. Аав минь сайхан дуулдаг, үлгэр оньсого лут мэддэг хүн байв. Тэрхүү
цэцэн билэгтэй хүний дэргэд өсч бойжсон болохоор ухаан саруулс­сан нь мэдээж. Бүсгүй
хүн шүлэг зохиол бичихийн хатууг аль тэртээ 1960-аад онд амсч явлаа. Гэхдээ бурхан
тэнгэр, төрүүлж, өсгөсөн ижий аав минь авьяас чадвар харамгүй заяасан юм болов уу
даа. Их утга зохиолын ертөнцөд өөрийн гэсэн зам мөрийг бий болгож, уран бүтээлийн
галын дэргэд үе үеийн суутнуудтай мөр зэрэгцэж явс­наараа бахархдаг.      

-Их Явууд тоогдож, 1960-аад оныхон
гэгддэг найрагч нөхөд­тэйгөө үерхэж, нөхөрлөж явснаа дурсахгүй юу?

-Орост Комсомолийн сургуульд сурч
байхад Явуу багш Горькийн нэрэмжит сургуульд сурч байв. Ма­най сургууль Москвагийн
захад. Нэг удаа өндөр, жигтэйхэн ганган дэгжин хоёр монгол хүн манай сургуулиар
ирсэн юм. Явуу багш, Дагвын Лув­сан­­шарав гуай хоёр байж. Ингэж их Явууг анх харж
билээ. Явуу багш Горький төгсч ирээд ид мандаж байх үедээ Зо­хиолчдын хороон дээр
уран бү­тээлийн дугуйлан хичээл­лүүлж, нэгдэл байгуулсан юм. Түүнд утга зохиолын
1960-аад оныхон гэгддэг П.Бадарч, Ш.Сүрэнжав, Д.Шагдар­сүрэн, Жан.Шагдар, Жам.Шагдар,
П.Пүрэвсүрэн, Р.Чойном, Ш.Цогт бид харь­яалагддаг байлаа. Бид хэн нэгэндээ чин сэтгэлээсээ
элэг­сэг дотно ханд­даг байсан. Уран бүтээ­лийн жин­хэнэ найзууд гэж  60-аад оныхныг л хэлнэ дээ. Амьдралын зовлон жар­галаа
адил­хан хуваал­цана. Ту­хайлбал, Ш.Сүрэнжавын ээжийг өнгөрөхөд бид л хөдөөлүүлж
байв.

Майн нэгний баярын өдөр Ш.Цог­­тын
ихэр хүүхдийн нэг нь гэнэт бурхан болоход нулимсаа арчиж, найзын­хаа зовлонг ху­ваалцан
хүүх­дийг нь оршуулж байлаа даа. Ер нь уран бүтээлч, зохиолч найрагч хүмүүс сүрхий
шүлэг зохиол бичи­хээс урьд хүн болох нь чухал.

-Сонирхож асуухад, Явуу най­рагчид
анх ямар шүлгээрээ тоогдож байсан бол?

-Дугуйлан дээр П.Бадарч “Морьд” найраглалаа,
Данзан­нямын Шагдарсүрэн “Талын нар”, Ш.Сү­рэнжав “Манай Монгол” зэрэг гал цогтой
шүлгүүдээ уншдаг бай­лаа. Явуу багш “Бүсгүй” гэсэн шүл­гийн хоёр мөрийг ихэд олзуурхаж
ингээд бичээд байвал болно доо гэж байв.

“…Харийн дайсан халдахад голомтоо
өмгөөлж

Халхын сайхан эрчүүд буу мөрлөж
мордохдоо

Хатан Туулын усыг рашаан гэж амтлан

Хайрга чулуун шороог нь алчууртаа
боож явсанд нь

Газар шороондоо би хайр­тай…” гэх мөрүүдийг минь дахин дахин уншдаг байж билээ.  Явуу найрагч энэ шүлгэнд минь их дур­тай, “Дул­маа
чиний энэ шүлэг тун аятайхан шүлэг дээ. Газар шороо­ныхоо төлөө ингэж бичихээс ч
өөр яах билээ” гэж хэлж байсан удаатай.      

-Ганц эмэгтэй нь болоод ч тэр үү
найрагчид танайд их цугладаг байсан гэдэг?

-Тэр үед янз бүрийн сэдэвтэй шүлэг,
найраглалын уралдаан их зарлана. Нэг уяаны морьд гэдэг шиг бид хойно урдаа ороод
л байр эзэлцгээнэ. Нэг удаагийн урал­даанд Ц.Гайтав гуравт ороод би хоёрт орлоо.
Тэгтэл Гайтав “Би эмэгтэй хүний ард ороод байхдаа яадаг юм” гэж уурлаад. Зохион
байгуулагчид нь “Гайтав гуай уур­лах хэрэггүй. Шүүгч­дийн дүн л ингэж гарсан. Гэхдээ
танд хоёр­дугаар байрын шагналыг нь өг­чихье” гэж билээ. Манайхан ямар л шагнал
урам­шуулал авна, тэм­дэг­лэлт ой болно нэгнийдээ цуг­лана. Ихэвчлэн ма­найд л цугладаг
байсан. Лавшаагаа хийж идээд, шүлгээ уншаад, дуулаад наргина шүү дээ. Уран бүтээлийн
маргаан үүсгэх нь ч бий.    

-Дандаа залуучуудтай нөхөр­лөж
явахдаа хэн нэгэнтэй нь дотно харилцаа тогтоож байв уу?

-Энэ тухай хүмүүс их сонирхдог юм.
Найрагч нөхөд минь намайг залуучуудаас хамгаалж явснаас өөрсдөө сонирхож байсангүй.
Ямар сайндаа хэдхэн жилийн өмнө П.Ба­дарч “Дулмаатай найз гэж дэмийрч явснаас залуудаа
“эр­гүүлж” байх минь яалаа” гэж хэлээд олны инээдийг барах вэ дээ. Ма­найд шинэ
шүлэг бичсэн нь түү­нийгээ уншаад, ном гаргасан нь баяраа тэмдэглээд бужигналдана.
Ганц хоёр хонох ч энүүхэнд. Ар гэрээс нь хань ижил нь утасдана. Намайг дуугарахаар
“Цаа­на чинь эмэгтэй хүн байна” гэж хардана биз дээ. “Эмэгтэй хүн байх­гүй ээ. Энэ
чинь Дулмаа байна шүү дээ” гээд бас л бөөн инээдэм, онигоо болдог байлаа. Өнөө  “эмэгтэй хүн биш ээ, Дулмаа байна ш дээ” гэдэг
чинь С.Эрдэнэ гуайн үг шүү дээ. Эрдэнээ гуай нэг бүсгүйтэй гадуур суга­далцан явж
байгаад гэргийдээ баригдчихаж л дээ. Тэгээд гэргий нь чи өөр хүнтэй явсан гээд зан­дарсан
юм байгаа биз. Энэ үед Эрдэнээ гуай “Тэр чинь эмэгтэй хүн хүн бишээ, манай Дулмаа
шүү дээ” гэж хэлээд өөрийгөө авч гарсан байдаг. Сая манай Пүрэвдоржийн наян насны
ой боллоо. Түүний тухай бодоход нэг зүйл санаанаас гардаггүй. Өнгөрө­хийнх нь өмнөх
намар бид хөдөө хамт явж байсан. Тэгэхэд мань хүн “Ийм сайхан уул усыг, энэ сайхан
Монгол орныг орхиод би яаж явах юм бэ” гэж намрын хайлган цагаар моддын чөлөөнд
хэлээд уйлж байсныг март­даггүй. Пүрэвдоржийн тэр үг, нулимс он цаг урсах тусам
улам бодогдох юм даа.     

-Үе үеийн найрагчид гэрийн тань
босгыг элээгээд зогсохгүй шавь нар тань танайд амьдарч, ажлын гараагаа эхэлсэн байдаг?

-Тийм ээ. Шавь нар маань манайд ээлж
дараалан амьдарч байсан. Бүгд хөдөөний хүүхдүүд болохоор хотод байр сууц олдох­гүй
хэцүү. Б.Ичин­хорлоо Багшийн сургуулийн байр­наас хөөгдөөд манайд ирж байлаа. Хоёр
ч жил дараалан  “Болор цом” авчихсан түүнтэй
залуучууд уулзах гэж бай­раар нь очиж, асуудал үүс­гэдэг байж. Тийм болохоор байрнаас
нь гаргачихаж л дээ. “Хажуу өрөөнд нь амьдардаг айл маань байраа зараад Солонгос
явчихаж” гээд хэн нь ч билээ дээ, нэг нь чемодантай хувцсаа бариад уйлаад ирж байв.
Б.Ичинхорлоо, Ш.Лхамноржмаа гээд ихэвчлэн бүсгүй найрагчид манайд амьдарч байв.
Шүлэг зохиол бичдэг залуучууд “Дулмаа гуай та хэдэн охиноо шүр, сувд шиг нуух юм”
гээд уулзуулахгүй боло­хоор нь агсамнаж ч байсан удаа­тай. Утга зохиол, нийгмийн
ажилт­ны дээд сургууль гэж манай Шир­сэдийн Цэнд-Аюушийн байгуулсан сургууль бий.
Уг сур­гуулийг Мон­голыг Горький гэж боддог. Манай сургуулиас утга зохиолын болоод
Монголын сэтгүүлзүйн нэгэн үеийн аваргууд төрсөн.  Сая миний ардын цолны зарлигт “Утга зохио­лын
шинэ үеийг төлөвшин хөг­жүүлэхэд…” гэсэн үг өгүүлбэр байна лээ, үүнд л сургуулийн,
шавь нарын маань буян оршиж байгаа юм даа. Ер нь тэгээд манай гэрийн босгыг алхаагүй
хүмүүс ховор байх даа. Шавь нараа гал тогооныхоо өрөөнд цуглуулчихаад гэртээ таван
минутын шүлгийн уралдаан зарладаг байсан сан. Энэ уламжлалыг надад Намдаг гуай хэлсэн
юм шүү.  Таван минутын шүлгийн уралдаанд түрүүлж
байсан хүүхдүүд л “Болор цом” аваад эхэл­сэн.

-“Хүүгийн эцэгт бичсэн захи­дал”
найраглалыг асуулгүй өн­гөрч боломгүй?

-“Газар шороондоо би хайртай” хэмээх
эх орны тухай шүлэг маань хэвлэгдэж гарсны дараа “Хүүхдээ хаяад явж байгаа эрчүүдэд
зориул­сан зохиол бичиж өгөөч” гэсэн захи­дал бараг аймаг бүрээс ирсэн.  Тэгээд энэ найраглалаа 1972 онд бичсэн юм. Ер
нь тухайн цаг үеийнхээ дуудлагаар бичсэн гэх үү дээ. Цаг үе л энэ найраглалыг төрүүлсэн.
Гол санаа нь хүнд ерөөсөө эцэг нь л хэрэгтэй юм гэдгийг тусгасан явдал. Тиймдээ
ч

“…Эдэлж өмсөх хоёроор хүүгийн
чинь би дутаагаагүй ээ

Эцгээ гэсэн сэтгэлийг нь харин
юугаар ч нөхөж чадаагүй ээ

Энэ л орлонд хүүд чинь дутсан юм
тэр

Эргэцүүлэн бодож хэлэх миний үг
ч энэ ээ”
гэж төгсгөсөн. “Хүүгийн эцэгт
бичсэн захидал” найраг­лалаас гадна “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Амьдрал
хайр дээр тогтдог” гээд миний олон дуу ард түмний дунд хит болсон доо.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-Дөрөв. Хоёр хүү, хоёр охинтой. Хүүхдүүд
маань бүгд ажил төрөлтэй сайн сайхан амьдарч байна. Том хүү, охин хоёр маань хувийн
аж ахуйтай. Бага хүү Ганхуягийг дуурийн гоцлол дуучин, гавьяат гэдгийг манайхан
мэднэ. Ганхуяг маань “Тунгалаг Тамир”, “Мартагдашгүй намар”-аас аваад олон кинонд
тоглосон. Бага охин Саранчимэг Японд амьдарч байгаад ирсэн. Хэлний боловсрол өндөртэй,
үндсэндээ англи, япон, орос, герман хэлтэй.  

-Таны анхны хань ямар хүн байсан
бол?

-Өнгөрчихсөн л дөө. Намайг оюутан
байхад салаад явчихсан юм. Тэгээд би гурван хүүгээ хүний зэрэг­тэй хүн болгож өсгөж
хүмүүжүүлсэн. Бага охин маань хэзээ хойно гарсан.

-“Дайсны цэргүүдээ сонсоц­гоо”
киноны Гэлэг хошуучаас аваад тайз дэлгэцийн олон арван дүрээрээ хүмүүсийн сэтгэлд
хоногшиж үлдсэн Энэбишийн Ган­болд гэж хүнтэй гэр бүл байсан. Ханийнхаа тухай дурсаач?

-Бид хоёр 1970-аад оноос үерхэж нөхөрлөж,
хэн хэндээ хайр сэтгэлтэй явсаар 1980 онд нэг гэрт орсон юм. Энэ хугацаанд хоёулаа
гэр бүлтэй байсан ч хоёр биенээ гэсэн хайр минь юунаас ч илүү ариун байсан. Манай
хүн чинь надаас 10 дүү шүү дээ.

-Э.Ганболд гуайг их сайхан хүн
байсан гэдэг?

-Эр хүний дээд нь байсан юм шүү. Зарим
нэг хүмүүс олон бүсгүйчүүдтэй нэр холбогдож байсан гэж буруугаар ойлгодог байж магад.
Сайхан залууг чинь хүүхнүүд өөрсдөө “эргүүлдэг” юм. Бид хоёрыг гэр бүл болчихоод
байхад “Ганболдтой уулзах гэсэн юм. Гэрээс нь гаргаадах” гэж утастдаг л байлаа.
Маш их халамжтай хүн байлаа. Үргэлж гал тогоондоо л байж байна. Д.Цоодол “Гал тогоонд
ордог­гүйг нь бодохоор Дулмаа эр хүн шиг

Ганболд хаяад явчихаагүйг нь бодоход
Дулмаа эм хүн шиг” гэсэн онигоо гарсан удаа ч бий дээ.  

Н.ГАНТУЛГА