Categories
мэдээ нийгэм

АӨСҮТ-ийн Захирал Ц.Уранчимэг: Гоо сайхны мэс ажилбар хийлгэх, арьсаа гэмтээх зэргээр эрсдэл үүсгэхгүй байхад анхаарна уу

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллийн хурлаа хийлээ. Мэдээллийн хурлаар тус яамны харьяа байгууллагууд коронавирусийн халдварын үед бэлэн байдлаа хэрхэн хангасан талаараа танилцуулдаг уламжлалтай. Энэ удаад Арьсны өвчин судлалын үндэсний төвөөс дараах мэдээллийг хийв.

АӨСҮТ-ийн Захирал Ц.Уранчимэг “Арьсны өвчин судлалын үндэсний төв COVID-19 өвчний үед шаардлагатай тохиолдолд 107 ор дэлгэх бэлтгэлийг хангасан. Мөн дөрвөн цагийн дотор нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө, тооцоог гаргасан.

Нийт ажилчдаа найман баг болгож, хамгаалах хувцас хэрэглэлийг өмсөж, тайлах, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах хариу арга хэмжээний чиглэлээр дадлага сургуулийг хийсэн. Тавдугаар сарын 6-8-нд болсон дадлага сургуульд идэвхтэй оролцсон.

Шаардлагатай эм тариа, N95 маск, нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэл, халад, маск, нүүрний хамгаалалт зэргийг нөөцөлсөн. Мөн сэжигтэй тохиолдол илэрсэн үед эмч, эмнэлгийн ажилтнууд айж сандрах, сэтгэл санаа тогтворгүй байх эрсдэл үүсэх магадлалтай тул сэтгэл зүйч эмчээр эрүүл мэндийн сургалт хийлгэсэн.

Түүнчлэн нийт ажилчдыг дархлааг дэмжих бэлдмэлээр хангалаа.

Онцгой байдлын үед 0-12 насны хүүхэдтэй нийт 32 ажилтандаа цалинтай чөлөө олгосон. Тусгаарлах байранд нэг эмч, зургаан резидент эмчээ Зүчи зочид буудалд ажиллуулж байгаа.

Хэвтэн эмчлүүлэгч, амбулаториор үйлчлүүлэгч нар болон эргэлтээр ирж буй хүмүүст коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг тогтмол өгч байна. Мөн үзлэгийн цагаа утсаар өгч, шаардлагатай тохиолдолд утсаар болон цахимаар зөвлөгөөг өгч байгаа” гэв.

Мөн тэрбээр “Арьс бол бие махбодийг гадаад орчноос тусгаарладаг эрхтэн. Тиймээс арьсны бүрэн бүтэн байдал алдагдах нь нянг биед орох эрсдэл үүсгэдэг тул иргэд онц шаардлагагүй тохиолдолд мэс ажилбар хийлгэх, гоо сайхны мэс ажилбар хийлгэх, арьсаа гэмтээх зэргээр эрсдэл үүсгэхгүй байхад анхаарна уу” хэмээлээ.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: COVID-19 халдвар тархсан дэлхийн улс орнуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

АНУ

Зургаадугаар сарын 6-ны өдрийн байдлаар АНУ-д 29 мянга гаруй шинэ тохиолдол, 1,128 нас баралт бүртгэгдлээ. Тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 1 сая 890 мянга гаруй байгаагаас 109 мянга гаруй нь эндээд байна.

Бразил

Өмнөд Америк тивийн Бразил улсад өчигдөр 27 мянга гаруй шинэ тохиолдол, 904 нас баралт бүртгэгдлээ. Мөн өдөр 10,200 тохиолдол бүрэн эдгэрсэн байна.

Бямба гарагаас эхлэн Бразил улс халдварын тохиолдлын тоо, нас баралтыг өссөн дүнгээр нийт хэд болсныг зарлахаа больж, зөвхөн тухайн өдөр бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо болон нас баралтын тоог мэдээлэхээр болсон.

Өчигдрийн байдлаар тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын тоо өссөн дүнгээр 672 мянга гаруйд хүрээд байв.

ОХУ

Өнөөдрийн байдлаар ОХУ-д коронавирусийн халдвар илрүүлэх нийт 12 сая гаруй шинжилгээ хийгджээ. Батлагдсан халдварын тохиолдлын тоо 458,600 гаруй болсноос 135 мянган хүн эдгэрч, 5,725 хүн нас барсан. Одоогоор ОХУ-д 317 мянган хүн халдвартай байна.

Энэтхэг

Энэтхэгт өчигдөр 9,800 тохиолдол нэмж бүртгэгдсэж, нийт тохиолдлын тоо өссөн дүнгээр 236 мянга гаруй болж, дэлхий хэмжээнд зургаадугаарт бичигдэж байна.

Өнгөрсөн 24 цагт Энэтхэг улсад 294 нас баралт бүртгэгдэж, нийт 6,642 хүн нас барлаа. Энэ хугацаанд эдгэрсэн хүний тоо 114 мянга гаруй, идэвхтэй халдвартай хүний тоо 115,900 гаруй байна гэж тус улсын Эрүүл мэнд, гэр бүлийн яам мэдээлсэн.

БНХАУ

БНХАУ-д өчигдөр зургаан шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүний тав нь гаднаас зөөвөрлөгдсөн, нэг тохиолдол нь дотоодын халдвар байна. Үүнээс гадна шинж тэмдэггүй халдварын тохиолдол тавыг бүртгэжээ. Өнөөдрийн байдлаар 236 шинж тэмдэггүй халдварыг эмнэлгийн хяналтад аваад байгаа юм.

Мөн БНХАУ-ын Жилин аймгийн Жилин хотод эрсдлийн түвшинг өндөр болгож, хөл хорио тавиад байсан бол өнөөдрөөс эхлэн Жилин хотын гурван дүүрэгт эрсдлийг түвшинг бууруулах шийдвэр гаргалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *